Categories
мэдээ нийгэм

Буянт-УхааII хорооллын 240 хүүхдийн цэцэрлэгийн нээлтийн ёслол болов

“Буянт-УхааII” хороолол дахь 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг улсын комисс хүлээж авсан ч “Улс худалдан аваагүй” гэсэн шалтгаанаар нэг жил гаруй хугацааг үдсэн билээ. Тус хорооллыг бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын зорилтот хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулсан юм. Харин өнөөдөр 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн нээлтийн ёслол болов. Ёслолд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн, X хорооны Засаг дарга Ц.Чинзориг, ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй нар хүрэлцэн ирж, тууз хайчиллаа. Одоогоор Буянт-Ухаа II хорооллын эхний ээлж болох 1620 айлын орон сууцанд оршин суугчид аж төрж байна.

Хан-Уул дүүргийн иргэдийг УИХ-д төлөөлж буй УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн тусламж үйлчилгээнд анхаарал хандуулж байгаа” гэдгээ онцолсон. Цаашдаа сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдах төлөвлөгөө бий гэнэ.

Оршин суугчид цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар маш их хөөцөлдөж, олон хүнд хандсан гэдгийг Засаг дарга Ж.Алдаржавхлан ярьж байна лээ. Тус хороололд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 800 гаруй хүүхэд байгааг ёслолд оролцсон албаны хүмүүс онцолсон. Цэцэрлэгийн нээлтэд хүүхдээ хөтлөөд ирсэн ээж, аав нар “Хэзээ хүүхдээ бүртгэж авах вэ” гэж хамгийн их асууж лавлацгааж байлаа.

Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйгээс зарим асуултад хариу авлаа.

-Буян-УхааII хорооллын цэцэрлэг ашиглалтад орж чадахгүй жил гаруй хугацаа өнгөрсөн. Одоо санхүүжилтийн асуудал шийдэгдсэн үү?

-ТОСК цэцэрлэгийг барьж байгуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн. Нэг жил гаруй хугацаанд үйл ажиллагаагаа эхлүүлж чадалгүй зогссон. Хөгжлийн банкны эх үүсвэр хэрхэн эргэн төлөгдөх вэ гэдэгт асуудал байсан юм. Хөгжлийн банк, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хороотой хамтраад санхүүгийн асуудлыг шийдсэн.

-Оршин суугчдын хувьд нэмж цэцэрлэг барих эсэх, сургуулийн барилга хэзээ босох бол гэсэн хүлээлттэй байгаа. Энэ талаар ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Буянт-УхааII хорооллын эхний хэсэг ашиглалтанд орсон байгаа. Ирэх онд бид Буянт-УхааII хорооллын хоёр төсөл эхлүүлэхээр гэрээ, төслийн хэмжээнд яригдаад явж байна. Ирэх онд нэмээд хоёр цэцэрлэг, 500 хүүхдийн сургууль баригдах болно. Маш олон оршин суугчидтай хороолол учраас нийгмийн дэд бүтцийг шийдэх хэрэгтэй байна.

-Орон нутагт ТОСК мянган айлын орон сууц барих ажлын явц ямар байгаа вэ?

– Аймаг бүрд 1000 айлын орон сууц төлөвлөсөн. Эхний ээлжийн 120-200 айлын орон сууц ерөнхийдөө баригдаад эхэлсэн. Бид цаашдаа энэ тоог нэмэхээр судалж байна. Аймгуудад эрэлт байна. Худалдан авах чадварыг нийлүүлэлттэй уялдуулан ажиллах юм. Мөн Яармагийн дэнжид “Эко Яармаг” хорооллыг барьж байгуулахаар барилга угсралтын ажил эхлүүлэх хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байна.

-Хараахан дуусгаагүй байгаа 18 барилгын ажил бий. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд энэ орон сууцнуудыг ашиглалтад орохыг хүлээж байгаа. Энэ орон сууцнууд хэзээ баригдаж дуусах вэ?

-Бид хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр шамдан ажиллаж байна. Хөрөнгийн асуудал шийдэгдвэл энэ жилдээ ашиглалтад ороод, бага дунд орлоготой иргэдэд ипотекийн зээл, түрээсийн орон сууц, худалдан борлуулах нээлттэй схемүүдийг хэрэглэж хүрэх боломжтой гэв.


Шинэхэн цэцэрлэг есдүгээр сарын 1-нээс хүүхдүүдээ авч эхлэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөдөлмөрийн баатар малчин Г.Сампил гуайн цолны мялаалга боллоо

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн гавьяат малчин Г.Сампил гуайн цолны мялаалга зуны тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу өчигдөр “Корпорет” зочид буудалд боллоо. Түүнийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Гацууртын Л.Чинбат нартай хамт хүндэт цолонд хүрсэнийг эрхэм уншигчид санаж байгаа буй за. Баатрын найранд төрийн шагналт, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шарав, СГЗ, доктор, “Монгол уламжлал” академийн тэргүүн Л.Дашням, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, гавьяат жүжигчин, нэвтрүүлэгч Г.Равдан, Монголын радиогийн сэтгүүлч гэдгээр нь хүмүүс мэддэг, цаг уурч Д.Шагдарсүрэн нарын олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байлаа. Түүнчлэн Хөдөлмөрийн баатрын жаран жилийн хобби шагайн харвааны тойрмын настнууд ирж тайзан дээр уухайлсан юм. Монголынчөлөөт ахмадын холбооны тэргүүн Г.Баасан, Монголын Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвслийн тэргүүн Б.Баярмаа нар ч Г.Сампил гуайн амьдрал, тэмцлийн нэг хэсгийг илэрхийлэх мэт.

“Эртний сайхан ерөөлөөр, энэ сайхан оронд нь” хэмээн эхэлдэг Монгол найрын магнай дуу болох “Эртний сайхан” уртын дуугаар найр эхэлсэн. Олны танил уран бүтээлчид Г.Сампил гуайн цолны найрын зочдыг цэнгүүллээ. Онцолж заримаас нь дурдахад “Авьяаслаг монголчууд”нэвтрүүлгийн шилдэг оролцогчдийн нэг А.Уранбилэг энэ танхимд ч уян налархай хөдөлгөөнөөрөө гайхуулав. Гавьяат Ц.Түвшинтөгс “Цэцэн хааны нутаг”, “Аялгуут нутаг” дуугаараа ая барьсан. Тэрбээр “Хүүхэд байхдаа Г.Сампил ахтайгаа Хэнтий аймгийн намын хорооны нэг том хашаанд бүгдээрээ байлаа” гэж дурссан юм.

Г.Сампил гуай айлын долоо дахь хүүхэд гэнэ. Түүний ах Авирмэдийн шүлгийг нь зохиосон “Уянга цагаан хуруу”дууг ардын дууч Д.Бурмаа эгшиглүүлсэн.

Хэнтий аймгийн Ардчилсан намынхан энд бас зочилж, 1937 онд мэндэлсэн Г.Сампил гуай цагаан морин жилийн ардчилсан хувьсгалд түүчээлэгчдийн нэг байж, Хан-Хэнтийн ардчилагчдын эгнээнд явсаныг, залуустаа үг хэл, үйл хөдлөлөөрөө үлгэрлэж ирсэнийг нь онцоллоо.

Хөдөлмөрийн баатар Г.Сампил гуайн нутаглаж байгаа газар хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн төрсөн нутаг гэнэ. Тэрбээр “Миний унасан газраас Монгол Улсын баатар төрлөө гэж билгэшээн баярлаж байна. Манай нутаг бол Монголын нууц товчоонд Хэрлэнгийнхөдөө арал гэж дурдагдсан. Хүмүүс бүгд мэддэг, алдартай газар. Чингис богдын маань нутаглаж байсан газраас баатар байтугай төрөх ёстой гэж бодож байна. Г.Сампил гуай минь урт удаан наслаарай. Малчдын ёс суртахуун, Монголын хөгжлийн үндэс гэж боддог шүү” гэлээ, тэр.

Өвгөнд баяр хүргэхээр ирсэн малчдаа төлөөлж, Архангай аймгийнгавьяат малчин О.Дорж“Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн малчид энэ оройн гал халуун мэндчилгээ дэвшүүлье. Малчин хүн мянган мэргэжилтэй гэдэг ч Г.Сампил гуай 1100 мэргэжилтэй хүн шүү. Малчин бидэнд энэ хүний сургаал үлдэнэ. Монголын уламжлалт мал аж ахуй, ёс заншлын талаар ном бүтээж өгөхийг хүсч байна” гэв.

Г.Сампил гуай бол 4000 гаруй малтай, малаа уламжлалт аргаар маллаж, өлчир омог, хэвшлийг бий болгосон малчин билээ.

Монголын радиогоор овоглогддог А.Шагдарсүрэн гуай “Ямааг ад үзэж байхад Г.Сампил гуай хурал дээр ямаагаа ч өсгөнө, яамаа ч шүүмжлэнэ гэж миний анхаарлыг татсан” хэмээн хуучлав. Тэрбээр Хөдөлмөрийн баатрыг Хэрлэнгийн хөдөө арлыг хамгаалах үйлсэд гар бие, сэтгэл санаа нэгдсэн эх оронч хүн” гэнэ.

Хөдөлмөрийн баатрын гэргий О.Бадамтай хэдхэн үг сольж амжлаа.

-Хөдөлмөрийн баатар хүний эхнэр бараг л хөдөлмөрийн баатар гэж Л.Дашням гуай тодорхойлсон. Таны өглөөнөөс авахуулаад орой хүртэл хийдэг ажлыг жагсаавал урт болох байх?

-Ер нь малчин хүнд амралт гэж байдаггүй шүү дээ. Өглөө босоод орой болтал малаа маллана. Орой малаа хотлуулж байж л амардаг шүү дээ. Тийм л байдаг даа хөдөө.

-Та 11 хүүхэд төрүүлсэн, энэ олон хүүхэд өсгөх, мал маллах ажлыг яаж зэрэгцүүлж байв?

-Яахав дээ, ажлынхаа завсар чөлөөгөөр хүүхдэдээ хоол ундыг нь өгнө. Зогсоо чөлөөгүй хөдөлдөг, сууж тухтай юм идэх гэж байгаагүй. Цай байсан ч босоогоороо залгилчихаад, хоол байсан ч хэд халбагдчихаад босон суун явдаг үе байсан. Ажлаа дуусч байж аяга хоол идвэл идээд идэхгүй бол унтдаг байж.

-Г.Сампил гуайг Хөдөлмөрийн баатар болсоныг дуулахад юу бодогдож байв?

-Хачин их баярлалгүй яах вэ. Бид хоёрын хөдөлмөрийг засаг үнэллээ. Аль алиных нь хөдөлмөр орж байгаа л даа. Заавар зөвлөгөөг нь ч яахав өвгөн маань өгч байгаа, хийдэг гол үүрэг нь хоёр хүүхэд бид гуравт л ирнэ шүү дээ.(инээв) Иймэрхүү янзтай л байдаг шүү дээ.

-Мэдээж алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой байх, өөр одон тэмдэг байдаг уу?

-Өөр одон тэмдэг гэхээр юм байхгүй дээ байхгүй гэв.

Г.Сампил гуайн Хөдөлмөрийн баатар цолны найр сайхан боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар “Африкт миний эрхийг зөрчвөл би Бельгид очоод гомдол мэдүүлж болно”

“Каплаг явуулаагүй бол Монгол Улс нэлээд том юманд орох байсан гэж би боддог юм “ гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж хэллээ. ХЭҮК, Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн цуврал лекц”-ийн үеэр тэрбээр ийнхүү ярьсан юм. “Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Каплаг өршөөлөө гээд шүүмжлээд байдаг. Манай ХЭҮК-т гадаад, дотоодын эрх нь зөрчигдсөн хүмүүсийн мэдээлэл хамгийн түрүүнд ирдэг. Каплаг барьж аваад эхлээд 200 сая ам.долларын нөхөн татвар төлөх ёстой гэсэн. Сүүлдээ буураад 80 болоод, эцэст нь 35 тэрбум төгрөг болж хувирахаар гадныхан гайхаж байгаа юм. Айлгадаг, сүрдүүлдэг юм байна. Ер нь тогтвортой биш юм байна гэсэн бодол төрөөд, итгэхгүй байдал үүссэн юм” гэлээ.

МУИС-ийн дугуй танхимд лекц уншихаар энэ удаа УИХ-ын гишүүн, УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Цогтбаатар уригджээ. “Хүний эрхийг хангах парламентын чиг үүрэг” сэдвээр түүнийг лекц уншсаны дараа хүмүүс асуулт тавьж, мань хоёр хариулахдаа маш хүний эрхийн мэдрэмжтэй яриа өрнүүлсэн хэрэг.

“УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга болоод хүний эрхийн асуудлаар хүмүүстэй хэлэлцүүлэг хийж, ярья гэж бодсон юм. Хүний эрх гэдэг маш эмзэг ойлголт” гэж Д.Цогтбаатар яриагаа эхлэв. Түүний лекцийг үргэлжлүүлэн хүргэе. “Эмзэг гэдэг нь санаанд оромгүй өнцгөөс хүний эрх зөрчигдөж байдагтай холбоотой. Олон хүнтэй ярьж байж, ямар зөрчлүүд гарч байгааг зарим уулзалтаас олж анзаардаг. Нэг сонирхолтой зүйл нь бидний нээгээгүй байгаа зөрчлүүд одоо ч амьдралд тохиолдож л байгаа. Нийгэм хөгжиж, шинэ технологиуд гарч ирэхэд бидний бодоогүй үйлчлэлүүд чиглээд ирдэг. Эсвэл миний эрхийг зөрчиж байна гэдгийг ухамсарлаагүй байхад зөрчил явж байдаг. Хөгжлийнхөө явцад хүний эрхийн систем дотор цаашдаа ч хүний эрхийн шинэ ойлголт, ухагдахуунууд гарч ирнэ. “Авилга ба хүний эрх” сэдвээр бид хэлэлцүүлэг хийсэн л дээ. Хоёр сургууль барих мөнгөөр нэг сургууль барьсан бол цаана нь олон хүүхэд хичээлдээ очих, боловсрол авах боломжийг хааж байгаа гэсэн үг. Энэ хэлэлцүүлгийн үеэр барууны нэг судлаач “Авилгагүй орчинд амьдрах эрх”-ийн тухай хэлсэн. Хүний эрхийн нэг шинэ төрөл ингэж гарч ирж байгаа юм. Хүний эрх зөрчигдсөн л бол зөрчсөн этгээдийг хаана ч шүүх боломжтой. Африкт миний эрхийг зөрчсөн байхад би Бельгид очоод, гомдол гаргаж болно.

Төр улс бий болоход хүний эрх гэдэг ойлголт гарч ирсэн. Хүний эрх гэдэг байгалиас заяасан боломж бөгөөд түүнийгээ жам ёсны дагуу эдлэх эрх чөлөө, салшгүй эрх юм. Хүний эрхийг янз бүрээр тодорхойлдог. Хууль бол хүний зохиосон юм биш, байгалиас заяасан дүрэм, журмыг хүмүүс кодлоод, илүү боловсронгуй болгож, хуульчилсан гэсэн үзэл санаа бий. Гэтэл үүний бас нэг илрэл бидэнд байгалиас заяасан, хүний салшгүй эрх. Салшгүй гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ энэ ертөнцөд эрхээ хангуулж амьдарсан хүн маш цөөхөн. Төр өөрийн харьяатуудын аюулгүй байдал, амьдрах орчинг хамгаалах гэж үүссэн хэрнээ хамгийн гол тэмцэл иргэн төр, хоёрын хооронд өрнөж ирсэн.

Иргэнд эрх чөлөөг нь өгч байгаа бол түүнийг хамгаалах үүргийг нь төрд өгөх тэмцэл өнөөдөр ч үргэлжилж байна.

Би Монголын хамгийн анхны Хүний эрхийн илтгэлийг Женевт хэлэлцүүлсэн юм. Манай илтгэлийг сонссон улс орнууд Монгол Улсыг үнэлж хүндэлдэг. Маш эерэг дүн тавьдаг. Цаазын ялгүй болоход бүх орнууд Монголыг дэмжиж байсан. Гэхдээ бидний анзаараагүй маш олон жижиг зүйл ижил хүйстнүүд, шүүн таслах үйл явцад гарч байгаа бидэнд ажиглагдахгүй өдөр болгон мэдрэгддэггүй маш олон зөрчлийг гадныхан, төрийн бус байгууллагуудын мэдээллээр олоод, бидэнд сануулдаг.

Төрийн үүрэг хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах гурван гол чиглэлтэй. Хүндэтгэх гэдэг дээр хэдэн зүйл хэлмээр байна. Парламент хүний эрхийг хамгаалахад ямар үүрэгтэй оролцох вэ?

Төрийн албан хаагч нэгдүгээрт хүний эрхийн үүднээс боддог байх ёстой. Тэр сэтгэхүйг бүх түвшиндээ суулгаж өгөх учиртай. Үүнд боловсролын тогтолцоо маш чухал. Сүүлийн хориод жилд бидний олж авсан хамгийн гол баялаг хүний эрхийг дээдэлдэг төрийн тогтолцоо. Энэ бол ямар ч уул уурхай, банк санхүүгээс илүү үнэтэй бодит баялаг. Хүний эрхийг хамгаална, хүн төвтэй нийгэм байгуулна гэж байгаа бол ардчилсан тогтолцоо бас нэг үнэт зүйл нь. Хүний эрхийг хамгийн найдвартай хамгаалах төрийн тогтолцоо нь энэ. Ардчилсан тогтолцоо гоё учраас бид сонгоогүй. Моодны гээд бид сонирхоод байгаа юм биш. Ардчилсан тогтолцооны цорын ганц зорилго хүн л байдаг. Ямар сайндаа Францис Фукуяма “Ардчилсан тогтолцоо бий болгоно гэдэг бол хүн төрлөхтний төрт ёсны түүх дуусчихсан юм биш шүү. Хамгийн сүүлийн байж болох хувилбараа бид гаргаад олоод бий болгочихлоо” гэж яриад байгаа юм.

МАНАЙ ТӨР ЯМАР НЭГ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ БАЙСАН Ч ТАНЫ ЭРХ ОЛОН УЛСАД ХАМГААЛАГДСАН ГЭДГИЙГ САНААРАЙ

Би АСЕМ-ын хурлын үеэр Мянмарийн Гадаад хэргийн сайдын дэргэд сууж таарсан юм. Олон улсын хурлаар тухайн улсын тогтолцооны тухай ярихгүй шүү дээ. Үүнийг дотоод асуудал гэж үздэг. Харин хүний эрх дотоод асуудал биш. Харьяалал хамаарахгүйгээр хаана ч хүлээж авдаг цорын ганц эрх зүйн ухагдахуун бол хүний эрхийн асуудал. Хүний эрх эдийн засгийн хөгжлийг хамгийн их дэмждэг юм билээ. Хүний эрхийг дээдэлнэ, хувь хүнд эрх, эрх чөлөөг нь өгнө гэдэг цаанаа таныг төр оролдохгүй байх тогтолцоог бий болгоно гэсэн үг. Гэхдээ өөрийгөө тэжээх үүрэг танд өөрт чинь ирнэ. Тэр утгаараа ардчилсан нийгэм хамгийн хайр найргүй.

Хоёр сая иргэн өөрөө өөрийнхөө төлөө надад хэн ч туслахгүй гэж бодоод ажиллаад эхлэхээр шинэлэг сэтгэлгээ, бүтээлч чанар нь хөгжиж эхэлдэг. Хүний эрх манай нийгмийн хамгийн гол үнэт зүйл. Зөвхөн хүний амь чухал байгаад зогсохгүй, хөгжье гэж бодож байгаа бол хүмүүстээ хөгжих боломж, эрх чөлөөг нь тавьж өг. Хүний эрхийн механизм тэгвэл ямар бүтцүүдээс бүрдэж байгаа вэ?

Энэ бүтцийг бодлогын хувьд, хууль тогтоох замаар ч бий болгож байгаа хамгийн анхан шатны байгууллага аливаа улсын парламент байдаг. Хүний эрхийн тогтолцоо олон улс, бүс нутаг, үндэсний гэсэн гурван хэсгээс бүрддэг. Олон улсад бол харьяалал хамаарахгүй цорын ганц бүтэц. ХЭҮК хэнээс ч хамааралгүйгээр өөрсдөө дүгнэлтээ хийж, тайлангаа гаргаад, УИХ-д танилцуулдаг. Энд нэг асуудал бий. Монголд бүх шатаар дамжаад өнгөрсний дараа хүний эрхийн асуудлаар Олон улсын хүний эрхийн хороонд гомдол гаргаж болдог. Тэд яг шүүх шиг асуудлыг нь шинжилж судлаад, дүгнэлт шийдвэр гаргадаг. Өөр ямар ч асуудлаар ийм шүүх байдаггүй. Өөрөөр хэлбэл дотооддоо бүх үе шатыг дууссан бол гадаадад өөрийн төрийн эсрэг гомдол гаргах боломжтой. Эхлээд үе шатаа Монголд дуусгах ёстой гэдэг нь НҮБ-ын үндсэн дүрмийн хоёрын долоод улсуудын тусгаар тогтнол, өөрөө хууль тогтоож, хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхийг нь өгсөн. Тэр үүднээс бүх шат нь дуусаад, өөр гомдол гаргах боломж байхгүй болсон тохиолдолд Олон улсын хүний эрхийн хороонд хэргийг нь хүлээж авч хэлэлцдэг юм. Мэдээж НҮБ-ын дүрмээс авахуулаад маш олон гэрээ конвенци фактууд хүний эрхийг хамгаалахад чиглэгдсэн. Өөрөөр хэлбэл манай төр ямар нэг арга хэмжээ аваагүй байсан ч таны эрх олон улсад хамгаалагдсан гэдгийг санаж яваарай.

УИХ улс орондоо хүний эрхийн тогтолцоогоо бий болгоод явна. Шүүх эрх мэдэл, хуулийн хэрэгжилтэд өдөр болгон хяналт тавих гол хүмүүс нь иргэний нийгмийн байгууллагынхан. Олон тохиолдолд иргэний нийгмийн байгууллагууд хараа хяналтгүй, дураараа, байнга проблем үүсгэж байдаг байгууллага гэж харагддаг. Үнэн хэрэгтээ энэ нийгмийн хууль хэрэгжилтэнд хамгийн бодитой хяналт тавьдаг байгууллага иргэний нийгмийнхэн.

Манай дэд хороонд маш олон гомдол ирдэг. Ихэнх гомдол “Шүүх, цагдаа дээр манай асуудлыг хэлэлцэхгүй байна. Буруу шийдвэр гаргаад байна” гэдэг. УИХ бол систем, бодлого, тогтолцоог бий болгож, систем ажиллаж байна уу гэдэгт хяналт тавихаас биш шүүхийн хараат бус байдалд халдах эрхгүй гэдгийг иргэндээ тайлбарлахад амаргүй.

Шүүхийн хараат бус байдал хүний эрхийг хамгаалах хамгийн чухал институтиц. Хэрэв би шүүхийн процесст хөндлөнгөөс оролцвол улстөржсөн шийдвэр гаргах эрсдэлтэй. Хүний эрхийн дэд хороонд хэн нэг улстөрч сууж байгаа шүү дээ.

Цагдаа, шүүх, прокурортой холбоотой гомдол бидэнд их ирдэг. Төрийн байгууллагуудын хүнд сурталтай холбоотой гомдол бараг ирдэггүй. Түүнийг юутай холбож ойлгож байна гэхээр цагдаа, прокурор байнгын хяналтанд, маргаан дунд байдаг. Тэгтэл захиргааны байгууллагын талаар гомдол гарахгүй байна гэдэг хүмүүс тэр эрхээ мэдэж байна уу. Эрх нь зөрчигдөж байгаагаа олж харж байна уу гэдэг асуулт төрүүлдэг. Хүн эрхээ мэдэж байж хамгаална. Иргэдээ хүний эрхийн ойлголт, ухагдахуунаар цэнэглэх ёстой.

Хүний эрхийн асуудал өргөн хүрээтэй. Пүүс, компанид ажиллаж байгаа ч хөдөлмөрлөх эрх, эдийн засгийн эрх, нийгмийн эрх заяагдмал. Хэн ч танаас авч чадахгүй. Үүнийгээ та хамгаалж явах ёстой гэдэг ухагдахууныг хүний толгойд суулгах ёстой. Боловсролын системээр дамжуулж хийх ёстой ажил. Хүний эрхэнд суурилсан хандлагыг бий болгох ёстой. Хүн төвтэй бодлогын тухай ярьдаг. Би Барилга хот байгуулалтын яаманд очоод, Хүн төвтэй барилгын бодлого явуулна гэж ярьж байсан. Хүний эрхийг дээдлэх ёстой. Ямар ч хуулинд хүний эрхийн шалгуурыг тавьж өгөх учиртай. Хүн төвтэй тогтолцоо бий болгож бүх юман дээр энэ шалгуурыг тавьдаг байх учиртай. Ямар ч тушаал шийдвэр гаргахдаа хүний эрхийг зөрчиж байгаа юм биш биз дээ гэж бодож сурах ёстой.

ХУВИЙН КОМПАНИЙН ЭЗЭН Ч “БИ ЭЗЭН НЬ ЮМ ЧИНЬ ЯАСАН Ч ЯАДАГ ЮМ БЭ” ГЭЖ ХАНДАЖ БОЛОХГҮЙ

Хувийн компанийнхан ч “Би эзэн нь юм чинь яасан ч яадаг юм” гэж хандаж болохгүй. Миний удирдаж байгаа байгууллага ашигтай ажиллахад энэ хүмүүс хувь нэмрээ оруулж байгаа. Энэ хүмүүс надад ашиг хийж өгч байгаа. Хүмүүсээ бэлтгэж, цэнэглэж, орлогыг нь боломжийн хэмжээнд байлгах ёстой гэдэг ойлголт бизнес эрхлэгчийн толгойд ч суусан байх учиртай.

Хүн төвтэй бодлого гэдэг дээр нэг жишээ хэлье. Би Гадаад яаманд байхдаа хамгийн түрүүнд төсөвт суулгаж байгаад, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах налуу зам тавиулсан. Энэ бол сэтгэлийн асуудал. Олон улсын харилцааг тэргэнцэртэй хүн ч судлаж чадна шүү дээ. Хүний эрхийг хангах нь эдийн засгийн ашигтай байдаг. Хэрэв тийм биш бол нийгэм маш их алдагдалтай байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг шийдээгүй бол төр тэжээх үүрэгтэй. Гэтэл тэр хүмүүсээс хэчнээн нь өөрийгөө тэжээгээд явах боломжтой байна. Тэр хүмүүст боломж олгоход нийгмийн халамжийн зардал эрс буурдаг. Хүний эрхэд хөрөнгө оруулна гэдэг хамгийн ашигтай хөрөнгө оруулалт юм байна шүү гэдэг өнцгөөс харах нь тустай юм билээ гэв. Үүний дараа танхимд суусан хүмүүст асуулт тавих боломж гарлаа.

-Шинээр сонгогдсон зарим гишүүдийн хувьд хүний эрхийн мэдрэмж хангалттай биш байна. Саяхан Зөрчлийн хуулиар гүтгэх заалтын торгуулийн хэмжээг нэмэхдээ өөрсдийнхөө нэр төрд санаа тавьсан байдал илүү анзаарагдсан. Гүтгэх гэдгээр далимдуулж, улстөрчид өөрсдийгөө хаацайлах, хууль бус үйлдлүүд дарагдаад өнгөрөх нөхцөл бүрдэж болно. Шинэ гишүүдийн хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх сургалт хийх боломжтой юу?

ХОХИРЛЫГ ТООЦОЖ ГАРГАХ БОЛОМЖТОЙ УЧРААС ЗӨРЧЛИЙН ХУУЛИНД ТОО ЗААХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН

Д.Цогтбаатар:- Гишүүд өөрсдийн эрх ашиг гэхээсээ нийгмийн сайн сайхны төлөө ярьдаг гэж боддог. Энэ нийгэмд гүтгэлэг байгаа юу гэвэл бий. Гүтгэлэг хууль бус зүйл. Нөгөө талаасаа хэвлэл мэдээлэл гэдэг хүний эрхийг хамгаалдаг гол институци. Тэд юунаас ч айж эмээхгүйгээр мэдээлэл бэлтгэх, бичих боломжтой байж олон нийтээс нуух гэж байсан мэдээлэл ил гарна. Тэгэхээр эрх чөлөөний баталгаа чухал. Энэ бол УИХ, сэтгүүлчдийн асуудал биш. Далд асуудал нь юунд байсан гэхээр шүүхэд итгэхгүй байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл гүтгэвэл Зөрчлийн хуультай хуульгүй хариуцлага хүлээж байгаа шүү дээ. Харин торгуулийг өндөрсгөх шинэ заалт нэмчихвэл эрх мэдэлтнүүд шүүхээр дамжуулаад бүгдийг нь шийтгэх юм байна. Цаад санаа нь шүүхэд итгэхгүй байгаа нь илэрсэн. Тийм учраас сэтгүүлчид том эсэргүүцэл үзүүлсэн. Асуудал нь юундаа байна гэхээр том тоо тавьсан. Угаасаа өнөөдрийн хуульд ч хохирлоо нэхэмжлэх нь нээлттэй байгаа. Тухайн хүний хохирол Зөрчлийн хуульд заасан шиг байна гэж ер нь хэн хэлж байгаа юм. Түүнээс их байвал яах вэ. Хуулиар нэг тоо тавиад өгсөн болохоор илүү их хохирсон ч тэр хэмжээгээр нь л торгох нь байна шүү дээ. Угаасаа тоо тавих хэрэггүй байсан. Хүн өөрийнхөө хохирлыг тооцоолоод, үндэслэлээ гаргаж, нэхэмжлэх боломжтой. Элтон Жоныг Америкийн нэг сэтгүүл гүтгэсэн юм билээ. Элтон Жон шүүхдээд “Би бол дуучин хүн. Миний бүтээгдэхүүн миний нэр төрөөр л дамжиж зарагддаг. Надад байгаа үндсэн баялаг нэр төр. Нэр төргүй болчихоор миний орлого ингэж буурсан гээд мөнгө нэхэмжилсэн. Хохирлын хэмжээг тооцож гаргаж болдог байхад тоо тавьж оруулаад, аль алиндаа хүнд асуудал үүсгэсэн гэв.

-Сонгууль дөхөж байна. УИХ-ын сонгуулийн өмнөхөн улстөрчид хэрэгт сэжиглэгдэх нь ихэссэн. Гэтэл сонгуулийн дараа замхардаг. Үнэхээр тухайн улстөрчийн эрхийг зөрчиж, сонгуулийн шоу хийсэн бол эрхээ хамгаалуулахаар та бүхэнд хандаж байсан удаа бий юу?

Д.Цогтбаатар:-Сонгууль дөхөхөөр янз бүрийн захиалгатай юу ч явж байж магадгүй. Тийм учраас хууль шүүхийн ажилд улстөрийнхнийг оролцох боломжийг хаах учиртай. Улс төрчид ханддаг уу гэж байна. Сонин асуулт байна. Хүний эрхийн дэд хороонд улстөрч бараг хандаж байгаагүй. Нэг л хүн хандсан. Асуудлыг нь судалж, хариуг нь өгсөн.

Ж.Бямбадорж: Сонгууль өнгөрдөг чимээгүй болчихдог. Энэ үнэн ш дээ. Энэ үнэхээр бодох асуудал мөн шүү. Хэрэг хийсэн байсан бол яагаад үүнийгээ хурдхан шиг шийдчихэж болдоггүй юм. Хэрэг хийгээгүй байсан бол хүнийг тийм их хөрөнгө идсэн гэж яахаараа гүтгэдэг юм. Тэр улсууд нь ч яагаад нэр төрөө цэвэрлэж авдаггүй юм. Ингэхээр зэрэг хүмүүст хардлага төрдөг. “За тэгээд мөнгөтэй хүмүүс эвтэйхэн аргалчихдаг юм байна даа” гэдэг. Жирийн иргэдийн хувьд бол тодорхой. Гар утас хулгай хийсэн байхад хулгайлсан утас нь байна. Яагаад УИХ-ын гишүүдийн нэр хүнд тааруухан байдаг гэхээр үүнтэй ч холбоотой байж магадгүй.

“МОНГОЛЫН ТӨРИЙН НЭРИЙГ ГУТААСНЫ ТӨЛБӨРИЙГ НЭХЭМЖИЛНЭ” ГЭСЭН

-Өнөөдөр тэтгэвэрийн бидний авдаг хэдэн төгрөг хэд билээ. Гэтэл энэ шүүгчдийн авдаг цалингийн дүнг сониноос уншаад итгэж ядсан. Ингэж дэндүү ялгаатай байх чинь хүний эрх зөрчиж байгаа хэрэг биш үү?

Д.Цогтбаатар: Шүүгчийн цалинг нэмэхийг би дэмжиж байгаа юм. Угаасаа монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дээшээ явах ёстой. Би таны асуулт тавьж байгаа өнцгөөс өөрөөр харж байна. Яагаад шүүгчийн цалин ийм өндөр байгаа юм, буулгах ёстой гэхийн оронд яагаад минийх ийм бага байгаа юм бэ, минийхийг бас нэмж өгөөч гэх ёстой. Шүүгчийн цалинг нэмэхгүй бол болохгүй. Би жишээлбэл Гадаад яаманд төрийн нарийн болж очоод, тамхины наймаа гэдэг юмыг зогсоосон юм. Зогсооход маш хэцүү байсан. Өмнө нь бол ерөөсөө бараг л хөндлөн байсан дөө. Тэгээд намайг төрийн нарийн бичгийн дарга байх хугацаанд нэг ч Гадаад яамны ажилтан тамхи зөөгөөгүй. Яаж хийсэн гээч. Нэг талаас би хариуцлагыг нь өндөржүүлсэн. Бүх хүмүүсийг гадагшаа явахад тусгайлан гэрээ байгуулсан. Ямар заалт хийсэн гэхээр “Та тамхины хэрэгт холбогдоод буцаж ирвэл Монгол Улс танд өгсөн бүх цалингаа буцааж авна. Гадаадад явж байгаа дипломатуудад гэрээ нүүлгэх мөнгийг нь өгдөг юм. Тэр мөнгөө буцааж авна. Та тэнд байж байх ёстой байтал ийм асуудлаас болж буцаж ирвэл өөр шинэ гэр бүл явуулах хэрэгтэй болно. Тэр мөнгийг бас танаас гаргуулна. Яагаад гэвэл та ийм хэрэгт орооцолдоогүй бол энэ зардал гарахгүй байсан. Дээр нь Монголын төрийн нэрийг гутаасны төлбөрийг танаас нэхэмжилнэ” гэсэн. Та хэдэн мянган долларын тамхи авч явж байгаад баригдсан та тийм л үнээр Монгол Улсынхаа нэр хүндийг үнэлсэн байна. Тэр мөнгийг авна гэсэн. Ингэхээр тэр хүнд бууж байгаа ачаалал тамхи зөөснөөсөө илүү болж байгаа юм. Нэг хэргээр хоёр шүүхгүй гээд ихэнхдээ тэндээ баригдаад торгуулиад, шүүхээр орчихоод хүрээд ирдэг байхгүй юу. Энэ буруу. Өөр оронд хэрэг шүүсэн бол нэг хэргээр хоёр шүүхтэй хамаагүй асуудал. Яагаад гэхээр нөгөө улс чинь гаалийн хууль зөрчсөн учраас өөрийнхөө хуулийн дагуу шийтгэсэн. Монгол Төрийн албаны хуулийг зөрчсөн байхад түүний хариуцлагыг хэн тооцож байгаа юм бэ. Ийм юмнууд хийж өгчихөөд, би гадаадад суугаа дипломатуудын цалинг нэмсэн. Нэг удаа нэмэхдээ маш сайн нэмсэн. 100-130 хувиар нэмсэн. Эдийн засаг огцом өсч байх үеийн боломжийг ашиглаад ингэж шийдсэн юм. Орлого нь дээшлээд, хариуцлага нь нэмэгдэхээр тамхи зөөхгүй. Ийм хөшүүргүүдийг бид бодож байхгүй бол зүгээр л толгой дээр нь алх барьчихаад “Авилга авдаг юм бол сүйд хийнэ шүү” гээд байх юм бол бас л үр дүн муутай.

Ж.Бямбадорж:- Шүүгчид хахууль авахааргүй нөхцөлтэй болж байгааг бид ойлгож байна. Би үүнийг буруу, зөв гэж байгаа юм биш. Гэхдээ юм жаахан бараатай байх учиртай. Бараа нь харагдахгүй байна гэдэг аюултай. Би бол цагдаагийн, зэвсэгт хүчний, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар судалгаа шинжилгээ хийгээд УИХ-д илтгэлээ бичээд өгчихсөн байгаа. Цагдааг судлаж байхад сонин сонин юм их байдаг. “Арван жил цагдаад алба хашихдаа наадам үзсэнгүй, цагаан сарын шинийн нэгэнд гэртээ байж үзсэнгүй”. Энэ нэг юм хэлээд байгаа. Хүний амьдралыг бодохгүйгээр тушаалаар явуулна гэдэг маш хүнд юм билээ. Хүүхэд сургуульгүй, эхнэр ажилгүй, гэр бүл салдаг. Хэлээд байвал олон юм байна. Ганц дэмждэг гишүүнээ шүүмжлээд байлтай биш дээ гэв.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Азид байгаа боломжоо нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно

Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, “Нова Терра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.


-Манай эдийн засгийн өсөлт 2019 онд найман хувьд хүрэх хандлагатай байна гэсэн өөдрөг төсөөллийг Монголын бизнесийн зөвлөлөөс гаргасан байна лээ?

-ОУВС-тай хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд манай эдийн засаг тогтвортой өсөх ёстой шүү дээ.Тэр төсөөллийг хэлж байгаа юм л даа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагын судалгааг бид гишүүддээ өгдөг.

-Монгол дампуурах нь гээд байсан. Одоо өсөлтийн тухай ярьж байна. ОУВС бидний өрийг дарчихаагүй зүгээр л хойшлуулсан. Тэгэхээр гол асуудал маань яаж шийдэгдэх вэ?

-Бид гол нь бизнесээ хийгээд, өргөжүүлээд, татвараа төлөөд байвал зээлийн эргэн төлөлт асуудал биш болчихно шүү дээ. Өртэй хүн муухай гэж ойлгох хэрэггүй. Эдийн засаг өсч, компаниуд томорч, орлого нь нэмэгдэж, зээлүүд төлөгдөнө.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахыг бизнес эрхлэгчид эерэг хүлээж авсан. Харин гадаадын банк оруулж ирэх асуудлыг та яаж хүлээж авч байна вэ. Газар нутгаа барьцаанд тавих эрсдлийн тухай их ярьж байна?

-Эдийн засаг томрохын хэрээр банкны салбар өрсөлдөөнтэй болно. Өрсөлдөөнтэй байж хэрэглэгч буюу зээл авч байгаа бид хожно. Зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой. Тэр үүднээс зохицуулалт хийх байлгүй дээ. Түүнээс биш тодорхой бүлгийн эрх ашгийн төлөө шийдвэрүүд гараад байвал эдийн засаг томрохгүй шүү дээ.

-Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкаар дамжуулна гэж яригдсан. Ингэж байж мөнгийг Монголдоо тогтооно гэж олон нийтэд ойлгуулаад байгаа. Үнэндээ ингэх нь зөв үү?

-Энэ тухай нэг хүн надад гоё зүйрлэл хэлсэн юм.Таван литрийн бидонд 40 литр ус хийх гээд зүтгэхтэй адил юм болж байна. Манай эдийн засаг тийм л жижигхэн. Манай банкууд бидэндээ л том болохоос олон улсын хэмжээнд бол өчүүхэн тоглогчид. Мөнгө байнга арвижиж байх ёстой. Банк санхүүгийн систем мөнгийг хамгаалж байдаг. Хамгаална гэдэг гадуур нь урсгахын нэр биш. Манай эдийн засаг томрохын хэрээр мөнгө орж ирнэ. Түүнээс биш ордонд нэг дарга тушаал гаргаад шийдчихдэг асуудал биш.

-Монголын бизнес эрхлэгчид цуглаад, Азийн боломж, тэр тусмаа урд хөршийн “Бүс ба зам” санаачилгад монголчууд ямар оролцоотой байх тухайгаа хэлэлцэх гэж байгаа гэж сонслоо?

-Монголын бизнесийн зөвлөлөөс “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” сэдвээр ирэх зургадугаар сарын 19-нд хоёрдугаар чуулга уулзалтаа хийх юм. Монголын бизнесийн зөвлөл гэдэг 250 компанийн гишүүнчлэлтэй байгууллага гишүүд бусад бизнесийнхнийг уриад, жил болгон бизнесийн чуулга уулзалт хийж байгаа. Энэ удаагийн сэдэв нь “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо” юм. Компаниуд хоорондоо мэдээллээ түлхүү солилцъё. Азийн бүс нутагт ямар боломжууд байгааг Монголын компаниуд сайн ойлгох юм бол ирээдүйн бизнесийн стратегиа тодорхойлоход тустай. Азид байгаа боломжийг нээвэл Монголын компаниуд илүү өрсөлдөх чадвартай болно шүү дээ. Саяхан Ерөнхий сайд Бээжинд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд болсон дээд хэмжээний уулзалтад оролцоод ирлээ. Тэнд 29 орны төр засгийн тэргүүнүүд оролцож, “Бүс ба зам” буюу орчин цагийн Торгоны зам гэж нэрлэгдээд байгаа бүс нутгийн эдийн засгийн ирээдүйн тухай хэлэлцсэн. Үүнийг яаж бодит амьдралд хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь ярилцлаа. Монголыг гадныхан маш том боломж гэж хардаг. Газар нутаг томтой, байгалийн баялаг, эрчим хүчний нөөц ихтэй. Хятад гээд дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд байдаг гэдэг. Урд хөршөө бид илүү сайн ойлгох учиртай. Бүх л дэлхийгээрээ “Бүс ба зам” санаачилгад оролцох гээд явж байна. Үүнийг Монголын компаниуд яаж бизнес болгох вэ гэдэг талаар бид ярилцах юм. Энэ бол Монголын эдийн засгийн 20-30 жилийн тогтвортой байдал, өсөлт, дэд бүтцийн салбарын хөгжил гээд олон зүйлтэй уялдана. 2014-2016 онд гурван жилийн хугацаанд “Бүс ба зам” санаачилгад оролцож байгаа улсууд Хятадтай гурван их наяд ам.долларын худалдаа хийжээ. Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Азийн бүс нутаг 2016-2030 онд 26 их наяд ам.долларыг дэд бүтцийн салбарт оруулна гэж тооцоолсон. Үүнээс 14 их наяд ам.долларыг эрчим хүчний салбарт, найман их наяд ам.долларыг зам тээвэрт, харилцаа холбооны салбарт хоёр их наяд ам.доллар зарцуулах юм байна.

-Монголын эзэнт гүрний үед Евро-Азийг хамарсан чөлөөт худалдааны том бүсийг бий болгож байсан. Торгоны зам дэлхийн худалдааны хөгжилд асар том хувь нэмэр оруулсан гэдэг. Тийм учраас манайхан Хятадын “Бүс ба зам” санаачилгыг өөрсдөдөө хамаатуулж ойлгож байгаа. Харин орчин үед Евразийн төвд оршдог гэсэн газар зүйн ашигтай байрлалаас өөр биднийг тоож үзэх ямар шалтгаан байгаа вэ?

-Өнөөдөр манай эдийн засаг хэвээрээ байх уу, илүү томрох уу гэдэг асуулт бидний өмнө байна. Яаж томрох вэ гэхээр Монголд байгаа боломжуудаа экспортлох тухай юм. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулна гэдэг жишээлбэл бидний үйлдвэрлэж чаддаг уул уурхайн бүтээгдэхүүнтэй холбоотой. Төмөр, зэс зэргийг дэд бүтэц байгуулахад ашиглана шүү дээ. Хятадын эдийн засгийн бодлого манай нүүрс, төмрийн хүдрийн үнэ, хэмжээтэй шууд холбоотой. Нэгэнт л бид хорвоо дэлхийтэй холбогдсон учраас энэ уялдаа, холбоогоо улам л сайжруулж байж манай эдийн засаг хөгжинө. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өрсөлдөх чадварын тайлан гаргадаг. Бид аймгуудынхаа өрсөлдөх чадварыг, Монголыг бусад эдийн засагтай харьцуулж үзэж байна. Эрчим хүч, дэд бүтэц, зам харилцааны салбарт бид сүүл барьдаг. Энэ бүхэн бидний бизнес хийх зардлыг нэмж байгаа хэрэг. Монголд бүтээн байгуулалт хийхэд бусадтай харьцуулахад үнэтэй. Шаардлагатай тоног төхөөрөмжөө зөөж авчрах бөөн зардал, түүнийгээ угсарч тавихад бас илүү мөнгө төлдөг. Бид улам уялдаа холбоотой болно гэдэг Монголын компаниуд ирээдүйд бизнес хийхэд илүү өрсөлдөх чадвартай болно гэсэн үг. Тэрийг л боломж гэж харж байна. Тодорхой салбаруудаар нарийвчилж ярилцах юмнууд гарна. Эрчим хүч миний гадарладаг салбар л даа. Хятад, Орос, Япон, Солонгостой уялдаж, сүлжээнд орохгүй бол Монголоос эрчим хүч экспортлох боломжгүй. Судалгаа хийж байна. Монголд газар аваад нар, салхины эрчим хүчний судалгаануудаа хийгээд явж байгаа компаниуд бас бий.

-Уялдаа холбоогоо сайжруулах гэснээс эргэлзээтэй юмнууд бас байдаг. Орос, Хятадын хооронд байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголоор дайруулах тухай их яригдсан. Бид ашигтай байрлалд байгаа гэж итгэсэн. Гэтэл энэ хийн хоолой Монголыг тойрчихсон шүү дээ?

-Ашигтай байрлалд байгаа гэж бид бодож байгаа. Гэхдээ бодох нэг хэрэг, судалж, хийх нэг өөр. Хийхийн тулд бодитой судалгаа хийх учиртай. Гэтэл бид зах зээлээ судлаагүй байж, ийм юм үйлдвэрлээд зарчихна гэж ярих утгагүй. Эсвэл газрын зураг харж байгаад “Манай нутгаар дамжихад ойрхон юм байна” гэдэг. Гэтэл яг тэр хэсэгт нь өндөр уул байвал хоолой тавихад асар их зардал гарна. Тэр бүхнийг тооцож хардаггүй. Суурь судалгаа, тооцоогоо хийж байж хүнтэй ярих хэрэгтэй. Ийм боломж байна гэдгээ эдийн засаг, санхүү, техникийн талаас нь судалж үзэж байж, тэр төслүүдийг хийнэ. Түүнээс биш хий хоосон ярих амархан. Монголд үнэхээр нөөц байгаа юу гэвэл бий. Яг юу байгаа, гол нь хэн хэрэглэх вэ гэдгийг ойлгож байж амжилтад хүрнэ. Тийм учраас энэ чуулганыг хийж байгаа юм. Монгол компаниудад маань ямар боломж байгааг, бид юу үйлдвэрлээд хаашаа зарж болох вэ гэдгийг сайн ойлгох учиртай. Тэгэхийн тулд бид хил дамнасан дэд бүтцүүдийг барих хэрэгтэй.

-Ерөнхий сайдын айлчлалын үеэр хил дамнасан дэд бүтцийг хөгжүүлэх, гурван улсын хамтарсан эдийн засгийн коридор байгуулах асуудалд ахиц гарах шиг болсон. Бас уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай яригдсан. Тэр нь бодвол сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой байх?

-Хятадын зах зээлийг жаахан ажиглаад үзье л дээ. Маш том зах зээл учраас бид бүгдийг нь ойлгож, мэдэхгүй. Жилд 6-7 хувьтай өснө гэж ОУВС, олон улсын байгууллагууд мэдэгддэг. Эрчим хүчний хэрэгцээ нь бас жилдээ гурваас дөрвөн хувиар нэмэгдэх төлөвтэй. Хятад дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч шүү дээ. Тэр хэрэглээг яаж байгаль орчин, уур амьсгалд сөрөг нөлөөгүйгээр хангах гэдэг дэлхийн улс орнуудын толгойгоо ажиллуулж байгаа сэдэв. Хятадын сүлжээ рүү яаж холбогдох вэ гэдэг судалгааг Монгол Улс хийж байна. Тодорхой хариу гарахаар Монголд ийм хэмжээний нар, салхины эрчим хүчийг бий болгож болох юм байна. Энд нүүрсний том ордод түшиглээд цэвэр нүүрсний технологийг ашиглан, станц байгуулаад цахилгаан гаргах юм байна гэдэг тодорхой болох юм. Банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд дурын нүүрсний цахилгаан станцыг санхүүжүүлэхээ байсан. Яаж цэвэр эрчим хүч үйлдвэрлэх вэ гэж харж байна.

-Та Монголын анхны салхин цахилгаан станц барих ажлыг удирдсан хүн. Гэхдээ одоо ч хүмүүс манай салхи хуурай, чанар муутай гэх мэтээр ярьцгаадаг. Үнэхээр бид нар, салхинаас эрчим хүч үйлдвэрлэж, түүнийгээ бусдад зарах боломж байгаа юу?

-Ерөнхий судалгаа бий. Түүнийг харвал “Тийм боломж бидэнд бий” гэдэг нь ойлгомжтой болсон. Монголын хил даваад салхи нь илүү чанартай, нар нь илүү илчтэй болчихгүй шүү дээ. Манайд нөөц байгаа нь ойлгомжтой. Хэрэглэгч, зах зээлээ бид ойлгож судалж байж, юу үйлдвэрлэх вэ гэдгээ төлөвлөнө.

-Орос, Хятад гээд эрчим хүчний хамгийн том хэрэглэгч хөршүүдийн маань зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах сонирхол байгаа гэж ойлгож болох уу?

-Байгаа. Бүс нутгийн эрчим хүчний сүлжээг яаж бий болгох вэ гээд ажлууд идэвхитэй хийж байна. Хятад, Орос, Солонгос, Японы эрчим хүчний компаниуд ч мөн судалгаа хийж байгаа. Дээд хэмжээний уулзалт, айлчлалуудын үеэр энэ тухай яригдаад ажил болоод явж байна. Ерөнхий сайдын айлчлал, Ерөнхийлөгчийн ноднин тохирсон эдийн засгийн коридор чухал. Бидэнд орон зай нээж өглөө шүү дээ.

-Хятадын зах зээлээс яаж ашиг хүртэх вэ гээд дэлхийн улсууд тэмцээд байдаг. Гэтэл монголчууд хамгийн ойрхон байж ашиг хүртэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл явдаг?

-Монголын нийт бараа эргэлтийн 68.7 хувь нь БНХАУ-тай хийсэн худалдаа байна. Тэрийг ашиг хүртэхгүй байна гэж хэлэх үү. “Бүс ба зам”-аас ашиг хүртэх гээд явж байна. Ерөнхий сайд нь хамтарч ажиллана шүү гээд хорь гаруй хэлэлцээр хийлээ. Ажил явж байна. Монголын зах зээл маш жижигхэн. Зөвхөн Монголд бизнес хийе гэж хүн бараг л ирдэггүй. Гурван сая хүнд юу зараад бизнес томрох юм бэ. Монголд ирж бизнес хийж байгаа хүн яаж энэ бүс нутгийн зах зээл рүү гарах вэ гэж харж байгаа. Зах зээлээ маш сайн ойлгодог улсууд л Монголд ирдэг. Гэхдээ хүн өөрт байхгүй юмаа бусдад зарж чаддаггүй. Өнөөдөр эрчим хүчнийхээ дотоодын зах зээлийг хөл дээр нь босгох хэрэгтэй. Тэгэхийн тулд дор хаяад үнийн асуудлаа шийдэхгүй бол ахиад бид том боломжоос хоцрох гээд байна. Үнэ нэмэхгүй гээд байвал эрчим хүчний салбар хөл дээрээ босохгүй. Тэгвэл бид яаж Хятад руу том экспорт хийх тухай ярих вэ. Бодлогын шийдвэрүүд тууштай хэрэгжээд явбал эдийн засаг эрүүлжнэ. Гаднаас хүн ирээд Монголд хөрөнгө оруулдаг болно. Дотооддоо сэргээгдэх эрчим хүчээ хангалттай хэрэглэж, ашигладаг, барьж байгуулдаг болчихоод бид гадныханд зарна шүү дээ.

-Зарах гэж байгаа бүтээгдэхүүнийх нь үнийг доод түвшинд барьчихаар эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн хувьд ашиггүй болчих байх л даа?

-Шинэ станц барихад хөрөнгө оруулсан зардлаа нөхөх хэрэгтэй байдаг. Хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээний төлбөр хийгдэхгүй бол хүн бизнес хийхгүй, энэ салбарт хөрөнгө оруулахгүй шүү дээ.

-Сая Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барихаар болсон байна лээ?

-Мандалговь, Улаанбаатарыг холбовол төвийн эрчим хүчний сүлжээ илүү бат бэх найдвартай болно гэсэн үг. Өнөөдөр манай сүлжээ, жижигхэн, найдваргүй. Том үйлдвэр барихад эрчим хүч шаардлагатай болдог. Ийм тохиолдолд гаднаас үйлдвэр барихаар ирсэн хүн өнөөдөр хийх хөрөнгө оруулалтаа хойшлуулахаас аргагүй. Дотоодын зах зээлийг яаж өсгөх нь гадаад зах зээлтэй холбоотой. Түүнийгээ зөвхөн улстөрчид ярьдаг биш компаниуд нь ярьдаг болъё. Ямар боломжууд байна гэдгээ судалъя. Монгол компаниуд ч бас л хөршүүдтэйгээ бизнес хийж байж л томроно.

-Бизнес эрхлэгчид чуулахдаа зөвхөн Монголын компаниуд биш гаднаас хүмүүс урих юм байна лээ. Ямар хүмүүс ирэх вэ?

-Бүс нутгийн дэд бүтцийг санхүүжүүлэхээр байгуулсан, шинэ банк сангууд, олон улсын банк санхүүгийн төлөөлөгч нар ирж, дэд бүтцийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын талаар ярилцана. Өөрөөр хэлбэл боломжуудыг бидэнд илүү ойлгуулж өгнө. Эрчим хүчний компанийнхан ирж, эрчим хүчний зах зээлийн талаар ярилцана. Элчин сайд нар, яамдын төлөөлөл ирж бодит мэдээлэл өгнө. Бодит мэдээлэл олж авч байж бизнесийн оновчтой шийдвэр гаргахад ашиглана.

-Бид Азийн, цаашилбал дэлхийн сүлжээнд нэгдэх тухай ярьж байна. Харин дотооддоо хэр сүлжээнд орж, бие биенээ ойлгож чаддаг улс вэ. Мэдээж Монголын бизнесийн зөвлөл нэг сүлжээ нь байх л даа?

-Компаниудын хувьд хамгийн зөв шийдвэрийг ямагт гаргахыг хүсдэг. Өнөөдөр бизнесийн шийдвэр гаргахад хамгийн хэрэгтэй өгөгдөл бол мэдээлэл. Монгол компаниуд мэдээллээ олж авах өөрийн гэсэн суваг хангалттай бий. Манай компаниуд ер нь сүрхий шүү. Монголын бизнес эрхлэгчид хамт суугаад ярилцдаг, гарц хайдаг, мэдээлэл авдаг болсон.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчууд ч бас Айн Рэнд, Айн Рэнд л гэнэ шүү

“Айн Рэнд конференс” Монголд боллоо. “Туушин” зочид буудалд болсон уг арга хэмжээнд олон хүн иржээ. Үзэгчдийн суудалд олны танилуудаас Баабар, Э.Бат-Үүл, дуучин П.Ганхүү, сэтгүүлч Ц.Оюундарь нар харагдсан. “Алтан тариа“ компанийн гүйцэтгэх захирал П.Цэнгүүн уг арга хэмжээг санхүүжүүлсэн гэнэ. Тэрбээр хурал дуустал сууна лээ. П.Цэнгүүн “Хувь хүн эрх чөлөөтэй байж чөлөөтэй сонголт хийнэ шүү дээ. Чөлөөт зах зээл буюу капиталист нийгэм заавал байх ёстой. Бидэнд өнөөдөр хамгийн хэрэгтэй юм энэ л байна. Улсаар тэжээлгэж, халамжлуулах сонирхолтой хүмүүс олон. Ёс суртахуунгүй хэсэг нь хулгай хийж амьдрах гэдэг. Бялдууч загнах, дарга нарын цүнх барьж гүйж амьдралаа залгуулдаг залуус олширлоо. Бизнесмэнүүд ч зөв, ёс суртахуунтай,цэвэр бизнес хийх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал бид хөгжнө. Ингэж чадахгүй өнөөдрийнх шиг байвал хэцүүднэ” гэж товчхон тайлбарласан юм.

Айн Рэндийн философи хамгийн эрэлттэй гэж болно. Түүний номууд 23 сая хувийг аль хэдийнэ давж борлогджээ. 1991 онд Америкийн Конгрессийн номын сан болон Бүүк оф Мант клубын хамтарсан судалгаагаар Айн Рэндийн “Атлантын мөр тэнийв” роман уншигчдын хувьд Библийн дараа орох ач холбогдолтойг онцолсон удаатай. Энэхүү алдартай хүний философийн тухай яриа Туушингийн “Соёмбо” танхимд бүтэн өдөржингөө үргэлжилсэн.

Үндсэн илтгэгч нь Айн Рэнд институтийн гүйцэтгэх дарга доктор Яарон Брүк байлаа. “Айн Рэндийн рационал эгоизм” илтгэлийн төгсгөл хэсэгт танхимд орж таарав. Энэ өдөр илтгэгчид товчхон ярьсан ч сонсогчид асуулт тавьж, хариулт авахад багагүй цаг зарцууллаа. Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөх нь”, “Атлантын нуруу тэнийв” номын орчуулагч Ж.Нэргүй үг сонголтонд анхаарал хандууллаа. “Эгоист гэдэг үгийг манайхан аминч үзэл, хувиа хичээх үзэл гэх зэргээр орчуулж байгаа нь монгол уншигчдад буухгүй байна. Ухаалгаар бие даах үзэл гэх нь зөв” хэмээн оруулагч үзжээ. Харин Яарон Брүк “Англи хэлтэй ертөнцөд ч эгоизмыг сөргөөр ойлгосоор ирсэн. Толь бичигт энэ үгийг өөрийгөө бусдаас дээгүүр тавих гэж тайлбарладаг” гэлээ.

Илтгэгч эгоизм буюу би-гээ бодох үзлийг үргэлжлүүлэн тайлбарлаж “Айн Рэнд ёс зүйн хоёр сонголт бий гэж үзсэн. Нэгдүгээрт бусдын төлөө амьдрах, өөрийгөө золиослох, хоёрдугаарт өөрийнхөө сайн сайхны төлөө амьдрах. Гэтэл хоёр дахь нь буруу гэж нийтээрээ үзсэн. Хувиа бодох гэдгийг өөрийнхөө эрх ашгийн төлөө бусдыг яаж ч болно гэдэг буруу үзлээс ялгаж ойлгох хэрэгтэй. Хувь хүн өөрийгөө дээдлэх, өөрийнхөөрөө амьдрах гэдэг үүднээс ойлгох учиртай” гэв.

Худлаа ярих, хулгай хийх, бусдад зүй бусаар хандах буруу гэдгийг ялгаж салгах учиртай гэсэн.

Нэг залуу ийнхүү асуулаа. “Миний түрийвчинд доллар байна. Түүн дээр “Бид бурханд итгэдэг” гэж бичсэн байдаг. Америкчуудын хамгийн их итгэдэг Есүс амиа огоорогч хүн. Гэтэл Айн Рэнд бусдын төлөө өөрийгөө золиослохыг дэмждэггүй. Энэ зөрчилтэй санагдаж байгаа” хэмээн тэр хэллээ.

“Айн Рэнд Христосын шашны олон зүйлд шүүмжлэлтэй хандаж байсан. Өөрөө хийгээгүй нүглийнхээ төлөө зовж шанална гэдэг ёс суртахуунгүй зүйл гэж үзсэн. Бурхан өөрийн хүүг аймшигтайгаар зовоохдоо муу учраас биш сайн учраас шийтгэнэ гэдэг бодохын аргагүй зүйл гэж Яарон тайлбарлав. “Би ч Есүс Христийг шүтдэггүй. Уг шашны номонд ингэж болохгүй, тэгж болохгүй гэж хүний амьдралыг зааж сургадаг. Харин бид бол номлодоггүй. Учир шалтгааныг ухамсартайгаар, логиктойгоор ухаарах учиртай” гэлээ.

Дуучин, улс төрч, “Яг түүн шиг” шоуны оролцогч П.Ганхүүд бас асуулт байлаа. Тэрбээр “Сонгууль болж байна, хоёр нэр дэвшигч гарсан” гэж ирээд л халть улстөржөөд авлаа.

Яарон хариулахдаа “Хар тамхи хэрэглэж, залуугаараа үхэж, амьдралаа сүйтгэсэн улсууд рок попод байдаг. Хувь хүн өөрийгөө дээдлэнэ гэдгийг өөрийгөө устгана гэж ойлгож болохгүй. Нэр дэвшигчид хоёулаа худлаа ярьдаг, хулгай хийдэг. Авах юмгүй бол тэд гэртээ сууж байсан нь дээр. Эерэг зүйл байсан цагт л сонголт хийх ёстой. Америкт ч социалист үзэлтэй улс төрчид бий. Хана барьж байгуулах гэдэг ч юм уу худлаа ярьдаг. Дональд Трамп мэдэхгүйдээ худлаа ярьж байгаа юм биш. Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт үзэл бодлоо өөрчилдөг улстөрчид байна. Би түүнд саналаа өгөөгүй” гэв.

АЯЛАХАД ГАЗРЫН ЗУРАГ ХЭРЭГТЭЙ ШИГ АМЬДРАЛД ЧИГЛҮҮЛЭГЧ ХЭРЭГТЭЙ

Холоос ирсэн дараагийн илтгэгч Карл Барни Като институтийн ТУЗ-ийн гишүүн. Тэрбээр “Загварт хөтлөгдсөн ирээдүйн амьдралаа төсөөл” сэдвээр ярьсан юм. “Би бол индивидуалист ( хувь хүнийг дээдлэх үзэлтэн). Гэхдээ энэ зөвхөн надад хамаатай биш. Миний компанид 2000 хүн ажилладаг. Энэ хүмүүсийн тусламжгүйгээр миний ажил бүтэхгүй. Тэгэхээр бусад хүмүүсийн хамтын ажиллагаанаас миний амьдрал хамаарна. Би хүмүүстэй харьцахдаа таашаал авдаг. Найз нөхөддөө санаа тавьдаг. Надад найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд бий. Хувь хүнийг дээдлэх үзэл болон өөрийгөө хүндэтгэх үзэл ялгаатай. Аялахад газрын зураг хэрэгтэй байдаг шиг амьдралд чиглүүлэгч хэрэгтэй. Миний газрын зураг, чиглүүлэгч нь Айн Рэнд болсон юм. Амьдралын утга учрыг ухаж, бизнест амжилт олоход энэ хүний үзэл санаа тусалсан. Бусдын төлөө өөрийгөө золиослох нь буруу тухай өмнө нь ярьсан. Миний хувьд баян байх нь муу гэсэн үзэл бодолтой явсан. Энэ бол буруу. Энэ үзэл бодлоо өөрчлөөд, гурван жилийн дараа би саятан болсон. Үзэл санаа маш хүчтэй. Буруу үзэл бодлоосоо ангижирч, зөв үзэл бодолтой болох нь бидний амьдралд чухал нөлөөтэй. Би 17 настай үеэ дурсая. Тэгэхэд Англид амьдарч байлаа. Тэр үедээ амьдралынхаа тухай анх удаа нухацтай бодсон юм. Англиас Австрали хүртэл хоёр залуу машинаар аялах тухай мэдээлэл сонинд гарсан юм. 1959 онд хар, цагаан зурагттай, интернэт байгаагүй. Тэд Болгариар дамжих ёстой болно. Болгар тэгэхэд коммунист орон байв.“Ус гатлана, өвдвөл яах юм” гэж найзууд маань эсэргүүцсэн. Харин би ийм аялал боломжтой гэж үзээд, аялагч хоёр залуутай холбоо барьсан юм даа. Европ, Азиар дамжин, Энэтхэгээс Австрали хүртэл 5000 км газар усан онгоцоор явахаар төлөвлөжээ. Анх удаа тэгэхэд би олон асуудлыг эрэгцүүлж бодлоо. Миний амьдрал өөрчлөгдсөн. 15000 км газрыг 150 доллартай туулах хэрэгтэй болсон юм. Гэтэл би тэгэхэд 100 км-ээс илүү аялаж үзээгүй байлаа. Үүнээс хойш би ирээдүйгээ төсөөлж боддог болсон юм. Бид бодсоноор оюун ухаан маань маргааш хаашаа явахыг шийддэг. Бодож сэтгэхэд заавал цаг гаргаж байгаарай.

Хэдэн сар аяласны дараа нэг найзын маань ээж өвдөж, нөгөө найз маань гэрлэх болсон тул би ганцаараа үүргэвч үүрээд, аялалаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Энэ үеэс л миний индивидуализм эхэлсэн юм. Үүргэвч үүрээд Европ, Азиар аяласан. Аялах явцдаа Болгар, Түрк, Югаслав, Иран, Пакистан, Энэтхэгээр явсан. Айлд, зочид буудалд хаа сайгүй хоноглож явлаа. Нэг удаа бүр цагдаагийн газарт ч зочилж үзсэн. Ингэж явахад маань сэтгэн бодох чадвар маань хамгийн их тусалсан.

Мөрөөдлийнхөө жагсаалтыг гаргаж байлаа. Олон мөрөөдөл маань биелэсэн. Бизнесийн хувьд юуг олж мэдсэн гэхээр бид хувийн амьдрал, бизнесийнхээ талаар хангалттай бодож, төсөөлдөггүй нь эмгэнэл. Би өглөө босоод өдрийнхөө хийх ажлыг төлөвлөдөг. Бодож сэтгэх гэдэг нь хийх ажлынхаа үр дүн, бодит боломж юу вэ гэх мэтээр өөртөө олон асуулт тавихыг хэлдэг. “Сэтгэн бодох чадвар хүний гол үнэт зүйл” гэж Айн Рэнд хэлсэн шүү дээ. Миний мөрөөдөлд Айн Рэнд, найз нөхөд, романтизм бий. Мөрөөдөл төсөөллөө гаргаад, зорилго тавиад түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Э.Бат-Үүл энэ үеэр ярианд оролцоод авлаа. “АНУ-ын залуусын дунд социалист үзэл газар аваад байгааг та юу гэж үзэж байна. Та рациональ сэтгэдэг байхын тулд эгоист байр суурин дээр очсон байх ёстой. Хувиа боддоггүй хүмүүс улстөрчдөд ховсдуулдаг. Шударга ёс, ард түмэн, эх орон гэдэг үгнийхээ утгыг ч мэддэггүй улстөрчид эдгээр үгсийг гайхамшигтай хэрэглэдэг” гэж тэр хэлсэн юм.

Илтгэгчид тавих асуулт надад ч байлаа. “Та өөрийнхөөрөө амьдралаа, бизнесээ төлөвлөөд явж байхад Засгийн газар, гэнэт хууль тогтоомжоо өөрчлөөд таны мөрөөдөл биелэх боломжгүй болоод байвал яах вэ. Монголд бизнес эрхлэгчид цөхрөх нь их байдаг. Үүнийг яаж даван туулах вэ.

Та либериаль удирдагч. Таны компанид мөрдөгддөг өвөрмөц хэв маяг байдаг уу, та ажилтанууддаа бусдаас илүү эрх чөлөө олгодог уу?

-Засгийн газар төр гэдэг Америкт ч асуудал. Миний амьдралыг хүндрүүлдэг зүйл Засгийн газраас гаргаж байгаа олон хууль журам. Үүнийг даван туулдаг. Хүмүүстэй хамтарч ажиллаж, бодож сэтгээд, гарц олоод явдаг. Бууж өгч болохгүй. Хэцүү байна гээд бууж өгвөл Засгийн газар ялах болно. Би компанийн ажилтнуудынхаа бодож сэтгэх, шинэ санал санаачилга гаргах чадварыг нь хөхиүлэн дэмждэг. “Энэ асуудлыг бодъё” гэж байнга хэлдэг. Олон хүний дундаас санамсаргүй хүн сайхан санаа хэлэх үе бий. Тэр нь шийдэл болох нь байдаг. Би залуу байхдаа бүх зүйлийг мэддэг юм шиг санагддаг байлаа. Амьдрах тусам улам л бага мэддэг гэдгээ ойлгох болсон гэв.

Танхимаас бас ийм нэг асуулт сонсогдлоо. “Та бага насны хүүхдийн хүмүүжлийн талаар ярьсан. Багаар ажиллах гэдэг монголчуудын хувьд чухал. Бие дааж амьдрахаас гадна хэдэн наснаас нь багаар ажиллах чадварт сургах тохиромжтой вэ” гэнэ. Монтессори сургалтын үед өөр өөр насны хүүхдүүд нэг ангид байдаг. Эхлээд хүүхдүүд хичээлийн танхимд орж ирээд, дор дороо биеэ барьцгаан суудаг бол удалгүй бие биенээ мэдээд эхлэхээрээ хамтраад тоглодог. Насаар ахмад хүүхэд нь бусаддаа багшлаад эхэлнэ. Бие даасан байна гэдэг нь бусад хүүхдэд ч бас хүндэтгэлтэй хандах гэж ойлгож болно.

ЭРХ ЧӨЛӨӨ ХҮНИЙ МӨН ЧАНАР

“Урлаг ба Айн Рэнд” сэдвээр ярьсан төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам “Сайтар эрэгцүүл”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” зэрэг Айн Рэндийн жүжгүүдийг тавьсан. Д.Сосорбарам яриагаа эхлэхдээ “Энэ танхимд цугласан залуус хэн нэгний цүнхийг барьж гүйхгүй, би хэн бэ гэдгээ мэдэхээр энд ирж, илтгэл сонсч байгаад талархаж байна” гэсэн юм. Тэрбээр Айн Рэндийн зохиолуудыг уншаад юуг мэдэрч, жүжгүүдийг нь хэрхэн тавьсанаа ярьсан. Бас дундуур нь хууч яриагаар хачирлахаа мартаагүй.“Түрүүн хүмүүсийг ярьж байхад Баабар бид хоёр амиа бодох, хувиа хичээх гэдэг үгнээс манайхан сэжиглэдэг юм байна. Өөрөө өөрийнхөөрөө байх, бие дааж амьдрах тухай юм ш дээ гэж ярьж суулаа. Бид социализмын үед гэртээ хонда мотортой, амьжиргаатай хүнийг дотуур тамиртай гээд муулдаг байлаа. Энэ чинь хамтач үзлийн гай. Өөртөө хайртай хүн бусдыг хайрладаг болохоос биш өөрийгөө ч хайрладаггүй байж бусдыг хайрлана гэж үгүй. Хүн бол өгүүлэгдэхүүн биш өгөгдөхүүн гэж Айн Рэнд хэлсэн. Байгалиас заяасан хувийн эрх ашиг нь байх ёстой. Эрх чөлөө гэдэг хүний гол мөн чанар. Урлаг төгс төгөлдөр дүрийг дүрсэлж харуулдаг. Үзэж байгаа хүн юугаа авах нь өөрийнх нь хэрэг ” хэмээн Со гавьяат айлдлаа.

Үдээс хойш “Капитализм бол амьдрах чадвартай эдийн засгийн ганц систем” сэдвээр аанай л Яарон Брүк ярив. Тэрбээр яриагаа эхлэхдээ “Хүмүүс үдийн хоолны дараа нойр нь хүрч байх ёстой байтал бүгдээрээ байж байгаад гайхаж байна” хэмээн хошигносон. Яарон “Итгэл үнэмшлээрээ явахад зогсоох саад болох хүч юу байж болох вэ” хэмээн асуугаад өөрөө түүндээ “Хүч, буу” хэмээн хариуллаа. “Толгойд буу тулгаад, энийг хий гэвэл бодох ч хэрэг байхгүй болно. Бодож сэтгэхийн дайсан бол хүч хэрэглэх явдал. Юу ч хийж болохгүй, тушаал дагахаас өөр аргагүйд хүрнэ. Галилео Галилей дэлхий нарыг тойрдог гэж хэлснийхээ төлөө гэрийн хорионд орж байсан. Харин ч тэр азтай байсан. Үнэнийг хэлснийхээ төлөө олон эрдэмтэн амь насаа алдсан шүү дээ. Эрх мэдлээр далайлгаж, хүч хэрэглэх нь бодож сэтгэхийн дайсан. Засгийн газар алуурчид, хулгайч луйварчдаас биднийг хамгаалах үүрэгтэй. Үүнээс өөр зорилго Засгийн газарт байх ёсгүй. Биднийг тайван орхих учиртай. Засгийн газар өөрийгөө хязгаарлаж байх ёстой. Төрийн оролцоо бага байвал хүмүүс бүтээж, хүн болгонд хэрэгтэй, ашиг тустай зүйлийг бий болгож байдаг. Эрх чөлөө байгаа цагт бидэнд боломж байна. Боломж байгаа цагт хүн бүтээж байдаг. Бүтээхийн тулд бодож сэтгэх хэрэгтэй. Бусдад таалагдахгүй байсан ч хамаагүй өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөтэй байх учиртай. Эрх чөлөөний үзэл баримтлалыг хэрэгжүүлж байж улс орон хөгжнө. Бизнесмэнүүдээр юу дуртайг нь хийлгэвэл хуурна, луйвардана гэсэн болгоомжлол байдаг. Бизнесийнхэн хэрэглэгчдээ алдахыг хүсэхгүй, дахин дахин үйлчлүүлээсэй гэж ажилладаг шүү дээ. Капитализмыг, эрх чөлөөгөө хамгаалахын тулд бид хүмүүсийнхээ үзэл хандлагыг өөрчлөх хэрэгтэй” хэмээн тэр ярив.

Дараа нь сонсогчдын асуулт үерлэсэн. Сониуч асуулт тавьчихлаа. “Монголчууд социализм гэж юу болохыг мэднэ. “Олон түмнийхээ буянаар олон сайхан хүүхэдтэй боллоо” гэж ярьдаг нийгэмд амьдарч байсан улсууд шүү дээ. Ийм улсууд нийтийн тусын тулд бус өөрийнхөө эрхээр амьдрахын үнэ цэнийг мэднэ. Гэсэн ч өнөөдөр АНУ-д төрийн зохицуулалт газар авч байна. Социалист сэтгэлгээ түгж байна. Ямар ч үзэл санаа мандан бадарч, унтрах үе байдаг. Магадгүй Хятад, Монгол зэрэг социалист байсан Азийн орнуудад Айн Рэндийг илүү ойлгож, Америкт хүлээж авахаа байх ирээдүй ирж болох уу. Та энэ талаар юу хэлэх вэ гэхэд маань Яарон эмоцтой хариуллаа.

-Айн Рэндийн үзэл санаа анх бий болсон газар нь Америк. Энд хамгийн их тохирно. Хувь хүний эрх чөлөө, үзэл хандлагыг хамгийн их дээдэлдэг газар байсан. Гэхдээ одоо Америк сэтгэгчдэд таатай бус нийгэм болж байна. Сэтгэгч, бүтээгч улсуудынхаа эсрэг үзэл хандлага нь Америкийн хөгжлийг сааруулж байна. Арван жилийн өмнө бол би Монголд зуун хүний өмнө зогсоод ярьж байна гэж төсөөлөхгүй байсан. Би Токиод, Украйн, Польшид очсон. Болгарт Айн Рэндийн бүх номыг орчуулчихсан байна лээ. Хэн ч өмнө нь тэгж төсөөлөөгүй. Герман, Францад бол Айн Рэндийн үзэл санаа нутагшихгүй. Ази шинэ нийгэм. Ази Өрнөдийн философийг нухацтай хүлээж аваагүй. Гэхдээ энд хоосон орон зай бий. Ази эрэл хайгуул хийж байна. Өрнөдийн философи, капитализм бол та бүхний хувьд харьцангуй шинэ зүйл. Буддизм бусад шашинтай харьцуулахад чөлөөтэй. Энэ бүхнийг сайжруулвал Азид магадгүй гэж бодож байна. Гэхдээ одоохондоо энэ тухай хэлэхэд эрт. Монгол жаахан хүйтэн цаг агаартай л юм даа гэнэ.

Түүнээс хүмүүс есөн шидийн юм асуулаа. Та мөнгөний төлөө ажилладаг уу, эсвэл таны хобби юу л гэнэ. “Би бизнес хийсэн бол ахиу мөнгө олж магадгүй. Гэхдээ энэ үзэл санааг хүмүүст хүргэхдээ таашаал авдаг. Мөнгө гэдэг миний бий болгосон үнэ цэнийн хэмжүүр юм гэж Яарон хариулсан. Түүнчлэн дэлхийн олон орон популизм, авторитар дэглэм рүү гулсан орж байна. Улс төрчидтэй тэмцэхэд цагаа үрнэ. Эхлээд хүмүүсээ, нийгмээ өөрчлөх хэрэгтэй. Айн Рэндийн үзэл санаа эх сурвалж нь зөв, сайн философи. Гэхдээ ямар ч үзэл санаа түгээхэд зам товчилж, цаг хугацааг хэмнэж болдоггүй. Хугацаа шаардлагатай. Боловсрол боловсрол боловсрол хамгийн чухал. Өнөөдөр Америкт ч төгс капитализм байхгүй, хосолмол эдийн засагтай. Эрх чөлөө байгаа ч төрийн оролцоо их байна. Харин капитализмын олон хувилбар бий. Хувь хүний эрх чөлөө бага байхад төрийн оролцоо их байна. Капитализм хүн бүрт эрх чөлөө олгодог систем. Коммунист байх эрхийг нь ч олгоно гэж тэр хэлсэн юм.

Нэг залуу эмэгтэй бусдад тусламж хэрэгтэй байгааг хараад суух хэцүү гэсэн юм л даа. Харин илтгэгч бусдад туслах шалтгаан хэрэгтэй гэлээ. Сайн хүн зовж байхад туслахыг хүсч болно. Надад илүү мөнгө байвал тусална. Харин энэ мөнгө хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд хэрэгтэй бол “Уучлаарай” гэнэ. Өөрийгөө золиослохгүйгээр бусдад тусалж чадахаар бол тусална гэсэн шүү.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюунцэцэг: Нийгмийн инновацийн тухай их яригдлаа. Нийтийн тусын тулд ашиг харалгүй бизнес эрхэлнэ гэсэн үг

“Монголын инновацийн долоо хоног-2017” арга хэмжээний зохион байгуулагчдын нэг, ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор, доктор Л.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-Энэ жилийн инновацийн долоо хоногийн онцлог юу вэ? Олон нийт энэ өдрүүдээс юуг ойлгож мэдээсэй гэж хүсч байна вэ?

-Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага мэдлэгийн эдийн засгийг байгуулахтай холбоотой. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага ч ийм. Байгалийн баялаг, ашигт малтмалд тулгуурласан, түүнээс хараат байдаг уламжлалт эдийн засгаас дэлхий нийтээрээ мэдлэг оюуныг ашиглаж, материаллаг баялаг үйлдвэрлэн, эдийн засгийн өсөлтийн гол эх сурвалж болгодог нийгэм эдийн засгийн тогтолцоо руу бүхэлдээ шилжиж байна. Манай Монгол ч дэлхий нийтийн чиг хандлагатай уялдуулж, хөгжлийнхээ бодлого стратегийг тодорхойлох, улс үндэстэн, байгууллага, хүн бүр мэдлэгийн эдийн засгийн чиглэлээр өөрсдийгөө дайчилж, хөгжүүлэх учиртай. Манай Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас санаачлан анх 2015 онд “Монголын инновацийн долоо хоног” арга хэмжээг дэлхийн жишгийн дагуу хийж эхэлсэн. Энэ жил гурав дахь удаагаа зохиогдож байна. Энэ жилийн хувьд инновацийн долоо хоног маань тавдугаар сарын 8-14 хүртэл үргэлжилнэ. Эхний өдөр уламжлал ёсоороо БСШУСЯ-нд хэвлэлийн хурал зарлаж, албан ёсны нээлт хийсэн. Тавдугаар сарын 9-ны өдөр “Шинжлэх ухаан-боловсрол- төр хувийн хэвшлийн түншлэл” гэсэн сэдвээр том хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, МҮХАҮТ, БСШУСЯ-тай хамтарч зохион байгуулсан юм. Яагаад ийм сэдвийг сонгосон гэхээр мэдлэгийн эдийн засаг гэдэг бол шинжлэх ухааны үндэстэй, оновчтой, хэрэгцээтэй, үр ашигтай мэдлэгийг дамжуулж, хэрэглээний эргэлтэнд оруулж, баялаг болгож хувиргах ойлголт. Мэдлэгийг баялаг болгож хувиргахад олон талын оролцоо чухал. Дан ганц эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид мэдлэгийг бий болгоод дамжуулдаг юм биш. Инноваци болгоход бизнесийн байгууллага, аж үйлдвэрийн салбарынхан, бодлого боловсруулагчид, бүх талын оролцоо чухал. Өөрөөр хэлбэл хамтын ажиллагаа чухал. Сүүлийн үед шинжлэх ухаан, технологи, инновацийн хамын ажиллагаа, түншлэл гэж их ярьж байна. Энэ хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бид “Шинжлэх ухаан- боловсрол-төр- хувийн хэвшлийн түншлэл” арга хэмжээг зохион байгуулахад зуугаад төлөөлөгч оролцлоо. Тавдугаар сарын 10-ний өдөр лхагва гаригт төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болсон. Нийтдээ 900-гаад хүн оролцлоо. Үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, мэдлэгийн эдийн засгийг байгуулахад гол тоглогч, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулиуд, төрийн байгууллагууд, бизнесийнхэн, төрийн бус сектор чухал үүрэгтэй. Эдний төлөөлөл оролцож, үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.

Бид энэ долоо хоногийн арга хэмжээндээ гаднаас хэд хэдэн томоохон төлөөлөгчдийг урьсан. ЮНЕСКО-гийн Ази, номхон далайн бүсийн шинжлэх ухааны газрын захирал Шахбаз Хан ирж, үндэсний форумд урилгаар илтгэл тавьсан. НҮБ-аас 2030 он хүртэл тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. Тогтвортой хөгжлийн зорилтод улс орон бүр өөрийн хөгжлийн бодлогыг нийцүүлж байгаа. Тогтвортой хөгжлийн бодлого дотор маш чухал нэг чиглэл бол шинжлэх ухаан технологи, инноваци хөгжүүлэх асуудал. Энэ талаар томоохон сонирхолтой илтгэл тавьсан юм. Мөн инновацийн үндэсний форумд УИХ-ын гишүүн Н.Учрал тэргүүтэй инновацийн лобби бүлэг байгуулсан багийнхан оролцсон. БСШУС-ын сайд Ж.Батсуурь сайд үг хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар илгээлт ирүүлж, олон хүн үгээ хэлсэн. Бас Сүхбаатарын талбайд инновацийн нээлттэй үзэсгэлэн зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид өөрийн хийсэн оюуны бүтээл, технологийн шинэ шийдлүүд, бизнесийн байгууллагууд гээд инновацид оролцогч бүх л талууд бүтээлээ дэлгэж, олон нийтэд сурталчилсан. Тавдугаар сарын 11-ний пүрэв гаригт манай ШУТИС-д “The international conference on innovation and entrepreneurship development” сэдвээр олон улсын хурал зохион байгууллаа. Манай олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаадын зургаан орны арав гаруй төлөөлөгч ирсэн. Ноён Шахбаз Ханаас гадна Японы Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Куниеда ирж илтгэл тавилаа. Италийн Баригийн их сургуулийн профессор Пиерпауло ирж илтгэл тавьсан. Мөн Өмнөд Солонгосын Залуучуудын бодлого судлалын үндэсний хүрээлэнгийн профессор Канг ирж илтгэл тавилаа. Мөн ОХУ-ын Москва хотын Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн профессор Иван Потранов ирж оролцож байна. Мөн Кубаны их сургуулийн дэргэдэх Технопаркийн захирал Виолетта гэж эмэгтэй ирж оролцлоо. Манай Монголын эрдэмтэн судлаачид судалгааны үр дүнгийнхээ тухай илтгэл тавьсан. Өнөөдөр баасан гаригт залуу судлаачдын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ болох юм. Мөн л олон улсын хурал учраас англи хэл дээр болно. Нийт 30 гаруй бүтээл ирүүлсэнээс арав гаруй илтгэл сонгож аваад энэ хуралд хэлэлцүүлэхээр бэлтгэсэн юм. Манай ШУТИС, МУИС, бусад их дээд сургуулиудын магистр, докторын оюутнууд бүтээлээ уралдаанд сойгоод байна. Амралтын өдрүүдэд залуучуудын дунд гарааны бизнесийн “Start-up weekend” гэсэн гурван өдрийн арга хэмжээг инновацийн долоо хоногийн энэ жилийн онцлог болгож зохион байгуулна. Энэ арга хэмжээг манай ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Старт ап монгол төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтраад залуучуудын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулах юм.

-Долоо хоногийн турш инноваци яригдлаа. Монголчуудын хувьд амжилтанд хүрсэн ямар инноваци байна. Олон улсад яригдаж байгаа анхаарал тасан шинэлэг хандлагууд юу байв?

-Бид инноваци, шинжлэх ухаан технологийн дэвшил гэхээр голдуу шинэ техник технологи гэж ойлгодог. Энэ инновацийн нэг чухал чиглэл мөн л дөө. Гэхдээ өнөөдөр нийгмийн инновацийн асуудал их яригдаж байна. Нийгмийн сайн сайхан байдлын төлөө шинжлэх ухаан технологийн дэвшил, мэдлэгээ зориулах тухай их яригдлаа. Италиас ирсэн профессор нийгмийн инновацийн хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл тавьсан. Их сургууль нийгэмдээ ямар үүрэг гүйцэтгэх вэ, нийгмийн сайн сайхны төлөө юу хийж болох тухай ярилаа. Нийгмийн инноваци гэдэг бол нийтийн сайн сайхны төлөө бизнесийг чиглүүлэх, нийтийн тусын тулд ашгийн төлөө бус бизнес эрхлэх тухай хөндөж ярьсан нь шинэлэг байлаа.

Монголд инновацийг хөгжүүлж байгаа жишээ олон бий. Манайхны сайн мэдэх артишок гээд “Газар шим” компанийн бүтээгдэхүүн бий. Энэ бол Монголдоо битгий хэл дэлхийд цоо шинэ инновацийн бүтээгдэхүүн. 2015 оны анхны инновацийн долоо хоногийн үеэр “Газар шим” компани идэвхитэй оролцож, илтгэл тавьж, өөрийн туршлагыг ярьж байсан. Тухайн үедээ Ц.Ганбат захирал төслөө санаачлаад, ХААИС, ШУТИС-ийн Хүнсний салбарын эрдэмтэдтэй хамтраад артишок гэдэг ургамалыг судалж, эрүүл мэндийн ундааг Монголд төдийгүй дэлхийд цоо шинээр гаргаж ирсэн юм. Артишок гэдэг бол хүнсний ногоо. Дэлхийд хүнсэнд түгээмэл хэрэглэдэг ургамал. Гэтэл манайхан эмчилгээний шинж чанартай түүхий эдийг ашиглан эрүүл мэндийн ундаа хийсэн. Тэр нь амжилттай болсон шүү дээ. Цоо шинэ инноваци гаргахдаа ганцхан үйлдвэр аж ахуйн газар дангаараа ажиллаагүй, эрдэмтэдтэйгээ хамтарч, мэдлэгийг нь ашиглаж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээрээ энэ бүтээгдэхүүн маш их амжилттай болсон.

Артишокийг Монголд нутагшуулж тариалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн шүү дээ. Мөн “Монос” групп бол инновацийн компани гэж болно. Энд судалгаа шинжилгээний институт байгаа. Их сургууль, эмийн үйлдвэр, бүтээгдэхүүнээ түгээдэг сүлжээ бий. Өөрөөр хэлбэл сургалт, судалгаа, бизнес, үйлдвэрлэлийг цогцоор нь авч яваа шинжлэх ухаан технологийн цогцолбор компани. Ийм компаниуд дэлхийд олон. Холоос хайхгүйгээр манайд бас ийм жишээнүүд олон байна. “Монос”-ийн Л.Хүрэлбаатар эрдэмтэн хүн. Мэдлэгээ ашиглаж бизнесээ хөгжүүлж байгаа сайхан жишээнүүдийн нэг ийм байна.

-Зохион байгуулагчдын нэг ШУТИС-ийн зүгээс санал болгож байгаа инновацийн төслүүд юу байна?

– Манай сургууль 2012 оноос эхлээд хөгжлийн томоохон зорилт дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл сургалт судалгаа, үйлдвэрлэлийг уялдуулсан энтерпренер их сургууль болж хөгжнө гэж. Тэр нь сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг уялдуулдаг инноваци хийдэг сургуулийг хэлж байгаа юм. Судлаач, эрдэмтдийн оюуны бүтээл бизнес болж хувирахад чиглэгдсэн гучаад төслийг боловсруулаад, таван гарааны компани байгуулагдаад явж байна. Жишээлбэл манай хүнсний сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хүнсний салбарын профессор, доктор Д.Цэцгээ гэж эрдэмтэн байдаг. Энэ хүн зохицуулах үйлчилгээтэй гурилан бүтээгдэхүүний технологи боловсруулсан. Зохицуулах, үйлчилгээтэй талх нарийн боов гаргаад зарж борлуулж байна. ШУТИС-д бас зохицуулах үйлчилгээтэй талх нарийн боовны жижиг дэлгүүр бий. Энэ бол нэг л жишээ.

Categories
мэдээ цаг-үе

П.Дамдин: Улс төрийн товчоо огцроходби түүхийн хогон дээр хаягдсан

Ю.Цэдэнбал, П.Дамдингийн 50 насны ойгоор Д.Сүхбаатарын одонгоор шагнав

Паавангийн Дамдин гуай “Би муу бичдэг, хүний бичсэнийг өөлөхдөө сайн” хэмээн анхааруулсаар яриагаа эхэлсэн юм. П.Дамдин гуай 1960 онд 29 насандаа БНМАУ-ын Аж үйлдвэрийн яамны сайдаар анх томилогдсоноос хойш Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв Хорооны Аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга, Улс төрийн Товчооны орлогч, жинхэнэ гишүүний албыг 30 жил тасралтгүй хашсан нэгэн. Одоо ч энэ эрхэм хүн улс орондоо санаа зовж явдаг. “Бид яаж байлаа, одоо ийм байна” гэж бухимдах нь цөөнгүй гэнэ. Өвгөн хүзүүндээ аппараттай явна. 1997 онд хүндээр өвдөж, урд хөршийн эмнэлэгт хоёр сар сэхээнд хэвтсэн удаатай. Нэг хэсэг амьсгалах, ууж идэхэд ч бэрхшээлтэй байсан бол одоо юм бичихэд амаргүй байдаг ажээ. Түүнийг үхэх сэхэхийн дэнсэн дээр байхад үйлдвэрүүд хаалгаа барьчихсан хэрнээ ажилчид, салбарынхан нь “Үхэж болохгүй шүү” хэмээн захиж, чадлаараа тусламж илгээж байжээ.

П.Дамдин Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Ханхөхий уулын Цагаан толгой гэдэг газарт 1931 онд төржээ. Гэргий Раднаабазарын Энхтуяа хүүхдийн эмчээр ажиллаж байсан. 1994 оныг хүртэл Анагаах ухааны дээд сургуульд багшилж, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан эмэгтэй. Эднийх хүү, охин хоёртой. Ууган хүү Баяраа нь Москвад Ф.Дзержинскийн нэрэмжит Цэргийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Охин Цэнгэл Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.

П.Дамдин гуай бас 1973 онд нисэх онгоцны осолд орсон ч амьд үлдсэн ус уух хувьтай хүмүүсийн нэг. “Улс орны амьдрал, өнөөгийн байдал ярина. Хувийн юмнууд хэрэггүй” гэж өвгөн надад сануулсан юм. Гэсэн ч бидний яриа яаж ийгээд үргэлжилж, би асууж, өвгөн хариулсаар байлаа.


-1990 онд улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэдэг мэдээ олон нийтийн хувьд нийгмийн шилжилтийн эхний дохио өгсөн. Огцоръё гэдэг шийдвэрийг Ж.Батмөнх дарга гаргасан гэцгээдэг. Улс төрийн товчооны бусад гишүүд энэ шийдвэрийг яаж хүлээж авсан бэ?

-Уг нь Улс төрийн товчоог сонгодог газар нь хэн билээ. Их хурал хуралддаггүй юм аа гэхэд намын Төв хорооны бүгд хурлаар товчоог шийдэх ёстой. Гэтэл өлсгөлөн, цаг үеийн байдлаас болоод, Улс төрийн товчоо огцрох шийдвэрийг өөрөө гаргасан. Гэхдээ бид санал нэгтэйгээр огцоръё гэсэн.

-Эсэргүүцэх хүн гараагүй юу?

-Тэр үеийн нэг онцлог юу гээч. Намын төв хорооны Улс төрийн товчоог толгойлж байгаа хүн ерөнхий нарийн бичгийн дарга. Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрийг товчооны гишүүд хэн ч гэсэн хүлээж авна шүү дээ. Харин яах вэ гэж ярих ёстой. Хүн болгон өөр өөр юм боддог байсан байх. Манай Ж.Батмөнх биднийг дуудаж оруулаад “Огцоръё” гэсэн. Бид бүгдээрээ огцоръё гэдэг саналтайгаар шийдвэр гаргасан юм. 1990 оны гуравдугаар сарын 9-нд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Ноднин “Ардчилал” сонинд “Ардчилсан хувьсгалыг хэн ч өмчилдөггүй юм” бил үү дээ, том өгүүлэл гарсан. Тэр дунд УТТ-гоор огцрох асуудал ярьж байх үед П.Дамдин, Л.Лантуу, Б.Дэжид нар “Энэ хөдөлгөөнийг шууд даръя гэж санал хэлж байсан” гэж бичсэн байна лээ. Тийм санал бид гаргаа ч үгүй. Энэ бол гүжирдлэг. “Чи бид хоёрыг үхчихсэн л гэж бодож байх шиг байна” гэж Л.Лантуу бид хоёр ярьж байсан юм. Б.Дэжид гуай нас барчихсан шүү дээ. Ноднин “Бидний нэр хүндийг гутаасан. Бид ч яах вэ өнхрөөд өгнө. Үр хүүхэд хэцүү шүү дээ” гээд Сэргийлэхийн дарга Р.Чингис гэж нөхөрт бичсэн. Өөрөө ч хариу өгөөгүй, уншаа ч үгүй байх. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн бололтой. Нэг ахмад хариу ирүүлж байгаа юм. “Энд хүнийг гүтгэсэн тодорхой баримт байхгүй байна. Тийм учраас эрүүгийн хэрэг үүсгэх үндэсгүй байна” гэж хариулсан. Бид хоёр өмгөөлөгч олоод, өнгөрсөн долоо хоногт өргөдлөө өгсөн. “За хүү минь, үүний учрыг олж өгөөрэй” гэсэн. Онгоцоор жиших юм бол хоёр сая 500 мянган зорчигчтой, бид долоо экипаж нь байж л дээ. Хүнээ суулгачихаад социализм байгуулахаар нисч явсан улс чинь ардчиллынхан гараад ирэхэд амиа бодоод долоон шүхэртэй бид үсэрч, амьд гарсан. Хүн ам нь өсч үржээд гурван сая болчихоод байна. Онгоц улам доошоо нисээд л байгаа. Тийм биз. Ингээд үзэхээр би ямар гайгаар Ж.Батмөнхийн дор байж, энийг хийв ээ. Хэрэв Ю.Цэдэнбал дарга маань залуу байсан үе байсан бол доо гэж заримдаа боддог юм.

-1989 онд Румынд Чаушескуг эхнэртэй нь буудчихсан. Тэр бичлэгийг УТТ-ныхон хамт үзсэн нь буулт хийхэд нөлөөлсөн байж магадгүй гэсэн яриа сонссон. Бодит байдал дээр энэ бүхэн нөлөөлсөн үү?

-Би боддог байсан. Ю.Цэдэнбал дарга шиг ухаантай, жинхэнэ улсын удирдагч шиг хүн байсан бол бид тэгж бууж өгөхгүй, учраа олж болох байсан гэж. Яагаад гээч 1989 оноос эхлээд бужигнаан боллоо. Ухуулах хуудас наалаа гээд Аюулаас хамгаалахынхан дор дор нь мэдээлдэг байсан. Товчоо байн байн улс орны байдал ярина. Би тэгэхэд улс орны байдлын тухай даргатай аминчилж ярья гээд 1990 оны эхээр өрөөнд нь орлоо. “Улс орны байдал хүнд болж байна. Ер нь дарга аа, та энэ залуучуудтай уулзаач. Эдний эцэг, эх тантай хамт багшилж байсан таны л үеийн улсууд байна шүү дээ. Эцэг эхийг нь дуудаж уулзаач. Нэг орой гэртээ аваачдаг ч юм уу. Сайхан хоол идээд, нөхөд минь яах вэ гээд ярилцаж болдоггүй юм уу. Түүнээс гадна энэ залуусыг ажилд тавимаар байна. Ухаандаа та С.Зоригийг УТТ-ны орлогч гишүүн бөгөөд, Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар тавьчих. Бусдыг нь сайдаар тавьчих. Над мэтийг халаад хаячих. Та нарын тавьж байгаа шаардлага зүйтэй. Бид дутагдалтай ажиллаж байна. Та нар энийг засна шүү гээд энэ залуучуудыг ажилтай зууралдуулаад өгч болдоггүй юм уу. Гурав дахь санал нь УТТ-г хоёр хэсэг болгочих гэсэн. Тэр үед залуусын шаарддаг юм жинсэн өмд, магнитофон байхгүй гэдэг байлаа. УТТ-ны нэг хэсгийг аж ахуйн хэсэг болгож, Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном толгойлог. Би орлогч нь болъё. Энэ залуусын шаардаад байгаа юмыг нь хангаад өгье. Хос жинсэн өмд, хоёр магнитофон хүзүүнээс нь зүүгээд, амаар нь дүүрэн бохь чихээд өгье л дөө. Тэгэхэд энэ залуус чинь ойлгоно шүү дээ. Иймэрхүү аж ахуйн ажил хийгээд, улс төрийн хэсэг нь болохоор Ц.Намсрайгаар толгойлуулаад энэ залуустай уулзаж яриг гэсэн. Ж.Батмөнх дарга том эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, сайхан хүн л дээ. Намайг бодоход уур уцаар багатай. Уг нь П.Дамдин чиний энэ санал зүйтэй байна, харж үзье, бодъё, хэдүүлээ ярья гэдэг ч юм уу эсвэл “Чи битгий дэмий юм яриад бай” гэх мэтээр хариулж болно шүү дээ. “Өөр юм байна уу” гэхээр нь байхгүй гэсэн. Тэгээд дуусаа. Байдал улам хэцүү боллоо. 1990 оны нэгдүгээр сард шиг санаж байна. Бас л Ж.Батмөнх дарга дээр орлоо. “Дарга аа, хэдүүн танд санал хэлсэн шүү дээ. Энийгээ л дахиж яримаар байна” гэсэн. Манай Ж.Батмөнх хүний яриаг их л сайн сонсдог хүн. Хариу байхгүй нь урам гутмаар. Хөөрхий, Ю.Цэдэнбал дарга маань бол ороод ярихаар мундаг нарийн хүлээж авна шүү дээ. Ингээд хоёр удаа яриад үндсэндээ “Энэ нөхөртэй яриад нэмэргүй юм байна даа” гэж бодсон. Гурван сард байна уу даа, УТТ-ны өргөтгөсөн хурал хийсэн юм. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нар, Намын төв хорооны хэлтсийн эрхлэгч нарыг оролцуулсан. Улсууд санал гаргаад байна. Би босоод саналаа хэллээ. “За, нөхөд минь байдал хүнд байна. Үүнээс гарах арга зам байна гэж үзээд би Ж.Батмөнх дарга дээр хоёр удаа орж ярьсан. Ийм санал тавьсан. Ингэвэл улс орны байдал өөр болохоор байна шүү дээ” гэсэн. Би Ж.Батмөнх даргыг ингэж уурлаж байхыг үзээгүй. Тайван хүн шүү дээ. Тэгсэн чинь мань хүн босон харайгаад, нүднийхээ шилийг авч хаяад “Чи дандаа хүнд үүрэг өгч байдаг. Өөрөө юм хийдэггүй” гэж намайг хурал дээр загналаа. Би хэллээ. “Дарга аа, би танд хэлэхгүй хэнд хэлэх юм. Гудманд хашгираад гүйж явах юм уу” гэсэн. Тэгээд удаагүй биднийг дуудаад “За нөхөд минь, огцорцгооё” гэсэн.

-Хамтдаа бичлэг үзээгүй юү?

-Тэр чинь телевизээр гарч байсан юм. Тэрийг юу гэж товчоо бүхэлдээ үзэх вэ. Яг тэр үед социалист улсуудын удирдлагууд хүнд байдалд орчихсон. Чаушескуг авгайтай нь буудаад алчихсан. Би боддог юм. “Аягүй бол эд Даариймаа бид хоёрыг буудаад алчих байх. Эртхэн шиг бууж өгье” гэж бодсон байх.

-УТТ огцроход олон нийт том өөрчлөлт болох нь гэдгийг ойлгосон. Харин та социалист систем болохоо байлаа гэдгийг мэдэрч байсан уу?

-Үгүй ээ, социализм болохоо байлаа гэж хэн нь ч бодоогүй. Бид социализмыг байгуулна. Дутагдал байна, засна, сайжруулна л гэж явсан. Манай зарим улс тэгдэг юм. Би дээр үед мэдэж байсан. Социализм болохгүй болчихсон юм аа гэцгээдэг. Би л тэгж бодоогүй. Дутагдал байсан уу гэвэл байсан. Эдийн засгийн хөгжлөөрөө хоцорч байсан байхгүй юу даа, манай лагерь бүхэлдээ. Дэлхий социалист, капиталист гээд хоёр хуваагдчихсан. Тийм учраас бидэнд мөнгө төгрөг муу. Валют, доллар олдохгүй шүү дээ. Ийм үед одоогийнх шиг “Мөнгө өгөөч“ гэж гуйвал асуудалд орно. “Чи юу гэж лагерийн нэр хүндийг, Монгол Улсын нэр хүндийг унагааж, Японоос мөнгө гуйдаг байна аа” гэнэ шүү дээ. Хүн болгон социализмынхаа, улсынхаа нэрийг бодно. Социализмын дутагдлыг яаж засч болохыг бидний дэргэдэх Хятад улс харуулж байна. Удирдагч гэдэг үүгээрээ ялгаатай.

-Та улс орны удирдлаганд байсан хүн. Тэтгэвэрт гарахаараа тэгнэ ингэнэ гээд ирээдүйгээ төлөвлөж байсан уу?

-Тийм юм байгаагүй. Намаас өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө хамаг бүхнээ зориулж байсан болохоос биш би тэтгэвэрт гараад яах билээ гэж бодож байгаагүй. Одоо бол дээр байгаа хүмүүс улсыг бодохгүй, хувиа бодож байна шүү дээ. Тэр үед социализм байгуулж байсан бид ганц ТҮЦ ч үгүй үлдсэн. Манай орон сайхан, зөв замаар явж байна. Тийм учраас бид өөрсдөдөө болон үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовдоггүй байсан. Тэр үед хэн ч манай улс ийм болчихно гэж бодоогүй. Түүх шүүх л байх даа. Шүүхдээ үнэн мөнийг тогтооно. Манай нам бол Монголын ард түмний жолоодогч, манлайлагч, удирдагч гэж Үндсэн хуульдаа заасан. Манай намын гол зорилго бол ард түмнээ сайн сайхан амьдруулах л байсан. Манай улс нүүдлийн мал аж ахуйн орон байсан. Үндсэндээ 1960 оныг хүртэл ийм л байлаа шүү дээ. Манай улсыг өөрчлөх хөгжүүлэх асуудал үндсэндээ 1990 оноос өмнөх 25 жилд л хийгдсэн. Социалист орнууд бий боллоо. Бүхэл бүтэн лагерь бий боллоо. Улсаа хөгжүүлье гэдэг зорилго тавиад 1961 онд хуралдсан МАХН-ын XIV их хурлаас Монгол орныг эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгоно гэсэн зорилго тавиад л үүний төлөө тав таван жилийн төлөвлөгөө хийж, ажилласан. Улс орныг хөгжүүлэх ерөнхий схем, прогноз 20 жилээр хийгээд, МАХН-ын Төв хороогоороо ярилцаад, үүнийгээ тав таван жилээр нь хуваагаад тэр дагуу явсан.

-УТТ огцорлоо, та юутай үлдсэн бэ?

-Би тэгэхэд түүхийн хогон дээр л хаягдсан. Өөр юутай үлдэх юм бэ. Шүүхэд шилжсэн шүү дээ. Гайхмаар байгаа биз. Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчид гээд 12 хүнийг манай нам шийдвэр гаргаад шүүхэд шилжүүлсэн. Намын түүхэнд удирдлаганд байсан хүмүүсээ бүрэлдэхүүнээр нь шүүхэд шилжүүлсэн анхны тохиолдол байв. Сүүлийн жилүүдэд л биднийг ахмад гэж харж үздэг болсон. Хөөрхий, Ю.Цэдэнбал даргыг хүний нутагт үндсэндээ цөлөөд, бурхан болголоо. Бид энд гурван жил шүүхэд дуудагдлаа. Хэдхэн сарын өмнө нам, улсын удирдагч гээд сайшааж, магтуулж явсан улсыг гудамжаар явахад хүн болгон хараад “Өнөө тойрон хүрээлэгч чинь энэ явж байна” гэдэг. Ухаандаа ингэдэг байхгүй юу. Хоёр байцаагч ээлжилж байцаадаг. Байцааж байгаа хүмүүс их сонин. Байцаагч залуухан эмэгтэй “За, Дамдин гуай, нөгөөдөр 11 цагт ирсэн байгаарай” гэнэ. Нөгөөдөр болтол одоо юунаас эхлэх бол, яах бол гэж юм бодно. Нойр, хоол муутай л байна шүү дээ. 11 цагт очоод үүдэнд нь сууна. Өнөө хүүхэн чинь орж гараад л найзууд нь ирсэн бололтой хөхрөлдөөд л. Инээгээд, тамхи татаад байхыг бодоход хувийн л юм ярьдаг байлгүй. Ингэсээр байтал 13 цаг болоод үдийн цайндаа явна. “Өө, Дамдин гуай та ирчихээ юү” гэнэ. “Та намайг 11 цагт ир гэсэн, би цагтаа ирээд сууж байна” гэхээр “Өө, таныг биш би андуурсан байна лээ шүү” гэх жишээтэй. Энэ мэтээр байцаасаар байгаад шүүхэд шилжүүлсэн. Намайг нэгдүгээрт улсын хөрөнгийг сүйтгэсэн, хоёрдугаарт, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн хоёр зүйлээр буруутгасан юм. Бидний идсэн уусан гэх хэргийг шалгахын тулд гуч гаруй нягтлан бодогч дайчилсан. Арван жилийн дотор улсаас авсан цалин мөнгө, орон сууц, лабораториос авч хэрэглэсэн идэж уух юм гээд бүгдийг шалгасан. Хоёр, гурав хоноод л дуудна. Өөрөөр хэлбэл, гурван жил амьдаар нь тамлаж байгаа юм. Нэг удаа дуудаад “П.Дамдин гуай, таны хэргийг шалгаж дууссан, та улсын хөрөнгөнөөс 188 төгрөг идсэн байна” гэлээ. “Юу байна, хүү минь” гэсэн чинь “Таныг дарга болоход байрыг чинь зассан байна. Байрыг зассан төсвөөс 188 төгрөг хэтрүүлжээ. Та энэ мөнгийг банкинд тушаагаад, баримтыг нь авчирч өг” гэсэн. Гүйж очоод тушаачихсан. “Одоо дууссан уу” гэсэн чинь “Та улсыг хохиролгүй болгочихлоо” гэсэн. Хоёр дахь нь улс төрийн асуудал. УТТ-ны тогтоолд гишүүд гарын үсэг зурдаг байсан. Намайг орлогч болсноос хойш УТТ-ны хоёр гишүүн Т.Рагчаа гуай, Д.Гомбожав гуай хоёр тэтгэвэрт гарсан байдаг. Тэр үед нам засгийн удирдах улс тэтгэвэрт гарахад тусгай тэтгэвэр тогтоодог тогтоолтой байсан. Сарын тэтгэвэр нь 1100 төгрөг. Тухайн үед нийтийн тэтгэвэр 500-600 төгрөг байсан байх. “Та УТТ-ны гишүүний хувьд тэр хоёрын тусгай тэтгэвэр тогтооход гарын үсэг зурсан, үнэн үү” гэсэн. “Үнэн” гэсэн. “Энэ чинь албан тушаалаа урвуулсан хэрэг. Үүнийг чинь шүүхэд шилжүүлнэ” гэсэн. Шүүхэд дуудлаа. Ийм ийм учиртай гээд тайлбарлана. Гарын үсэг зурсан товчооны гишүүд яригдаад байсан 200-гаад мянган төгрөгийг нь хуваагаад төлж болох л байсан. Гэтэл шийтгэхээр зүтгэсэн. Эрүүгийн хуулиар албан тушаалаа урвуулсан хэргээр 10 жилийн ял заагаад, шүүхэд шилжүүлсэн юм. Шүүх шударга шийдвэр гаргаж, “Энэ бол хэрэг биш, Үндсэн хуулиар олгосон эрхийн дагуу улсыг удирдаж байсан хүмүүс ийм эрхтэй. Хуулийн дагуу хийгдсэн байна. Албан тушаалаа урвуулсан хэрэг биш” гэж үзээд, хэрэг хаагдсан.

-Ингэхэд танд хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоосон бэ?

-Нийтийн журмаар тогтоолгосон. Тэр үед тусгай тэтгэвэр байхгүй болсон юм. Гэр бүлээ тэжээж чадахгүй шахам л байсан.

-Ю.Цэдэнбал дарга таныг дэвшүүлсэн юм байна лээ. Та бас Увсынх. Тэр үед гадаадад сургууль төгсч ирсэн боломжийн залуу хүн гэж таныг сонгосон нь мэдээж. Гэхдээ нутгийн хүчин зүйл илүү дотносох шалтгаан болсон уу?

-Мэдээж хэрэг судалж байхдаа аль аймгийн, хэн гэдгийг мэдсэн байх. Гэхдээ Ю.Цэдэнбал дарга тийм хүчин зүйлийг харгалздаг өчүүхэн амьтан биш шүү дээ. Тэр бол түүхэн том зүтгэлтэн.

Гэр бүлийн хамт. 1979 он

-Та Монголын томоохон аж үйлдвэрүүдийн эхлэл суурийг тавьж, барьж байгуулахад оролцсон хүн. Гэхдээ “Монголчууд хадаасаа ч үйлдвэрлэж чаддаггүй” гэж социализмын үед ярьдаг байсан санагдана?

-Социализмын үед биш одоо л тэгж яриад байгаа юм. Хятад, Орост төчнөөн тонн мах экспортолно гэж сайхан яриад байна. Гаргаж чаддаггүй. Орчин үеийн шаардлага хангасан үйлдвэр байхгүй юм чинь яаж мах гаргах юм бэ. Мах, арьс, шир, ноосоо бүрэн боловсруулахын тулд эхлээд малаа эрүүлжүүлэх учиртай. Үүнийг бид хийсэн. 1961 онд хуралдсан намын XIV их хурлаас ойрын ирээдүйд эрчимжсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болгох зорилт тавьсан. Миний ажиллаж байсан салбар, надад өгсөн үүрэг юу вэ гэхээр “Монголыг үйлдвэржүүлэх талаар хөөцөлд, арга хэмжээ ав” гэсэн үг шүү дээ.

Малынхаа арьсыг боловсруулаад, дээл хувцас хийгээд түүгээр ч барахгүй торгон савхи хүртэл хийгээд социалист лагерийн орнуудад битгий хэл хөрөнгөтөн орнууд, Итали, баруун Герман, Францад хүртэл гаргаж доллараар борлуулж байлаа шүү дээ. Одоо бол хадаас ч хийж чаддаггүй гээд байдаг.

Ард түмнийхээ хэрэгцээг эрүүл хүнсээр хангана. Илүү гарсныг нь гадаадад гаргана гэж байсан. Одоо үйлдвэрийн парк байгуулна гээд байна. Хэчнээн жил ярив даа. Гэтэл бид ёстой үйлдвэрийн паркийг чинь жинхэнэ ёсоор бий болгоод, Улаанбаатарын Мах комбинат, Дарханы Мах комбинат, Чойбалсангийн Мах комбинатад малаа нядалдаг болсон. Малаа нядлаад гадагшаа гаргасан. Зөвхөн мах биш заримыг нь консерв хийгээд гаргана. Өлөн гэдсийг нь ашиглана. Ноосыг нь нэхмэлийн үйлдвэрт өгнө. Арьс, ширийг нь арьс, ширний үйлдвэрт өгнө. Иж бүрэн боловсруулж байсан. Одоо мал 60 хэдэн сая боллоо гэдэг. Үр дүн нь хаана байна. Махаа боловсруулж чаддаггүй. Одоо худалдаанд гарч байгаа махнууд дандаа бүдүүлэг аргаар, хээрийн бой шиг хийсэн, шороо, өвчтэй, ариун цэврийн бус нөхцөлд бэлтгэсэн мал байгаа шүү дээ. Ингэж яаж болох вэ. Хүнсний асуудал нарийн. Улс орны тусгаар тогтнолтой холбоотой. Дээр үед настай хүмүүст тусч байсан даралт ихсэх гэх мэт есөн жорын өвчин залууст тусч байна. Энэ бол олон шалтгаантай. Түүний нэг нь хүнсний асуудал.

-Танд ажлаа өгөхөөсөө өмнө байгуулахыг хүсч байсан үйлдвэр байсан уу?

-Намайг сайд болж байхад манай улс 24 мегаваттын ганцхан жижигхэн цахилгаан станцтай. 200-хан мянган тонн нүүрс гаргадаг Налайхын ганц уурхайтай байсан. Социалист лагерь бий боллоо. ЗХУ, бусад социалист орнуудаас тусламж дэмжлэг ирэх нь их боллоо. Дайны дараа ард түмний амьдрал сайжирлаа. Манай улс төлөвлөгөөт аж ахуй руу орлоо. Анхдугаар таван жилийн төлөвлөгөө гараад, үйлдвэр байгуулахгүй бол малынхаа арьс, шир, ноос, ноолуурыг ашиглаж чадахгүй юм байна. Амьдрал дээшлэхгүй байна гэж үзсэн. Үйлдвэр байгуулахын тулд цахилгаан хэрэгтэй. Ганц жижиг станц Улаанбаатарын хэрэгцээг хангаж чадахгүй. Улаанбаатарт цахилгаан тасалдахгүй өдөр гэж байдаггүй. Намайг сайд болох үед цахилгаанаар хангах хуваарийг сонинд зарладаг байлаа. Хөдөө харанхуй. Юуны өмнө цахилгаан станцууд байгууллаа. 1961 онд Улаанбаатарын хоёрдугаар цахилгаан станцыг БНХАУ-ын тусламжтайгаар, 1965 онд Дарханы цахилгаан станц, 1968 онд III цахилгаан станцыг, 1983 онд VI цахилгаан станц байгууллаа. Шарын гол, Багануурын уурхай байгууллаа. Нүүрс хангалттай боллоо. Бид энэ үед өөрийнхөө хэрэгцээг хангаад, илүү цахилгаанаа ЗХУ-д экспортолж байлаа.

Ноосон даавуу хийдэг үйлдвэр байгууллаа. Монгол хонины ноос хивс хийхэд тохиромжтой. Улаанбаатар, Эрдэнэт, Чойбалсангийн гурван үйлдвэр хивс үйлдвэрлэдэг боллоо. Нэхий дээл үйлдвэрлэдэг сайхан үйлдвэр байгуулчихлаа. Нэг үгээр хэлбэл, малынхаа түүхий эдийг бүгдийг боловсруулдаг болсон. Уул уурхайгаас ялгаатай нь малын түүхий эд жил тутам бий болж байдаг баялаг. Манай удирдах улс ухаантай хандсан бол бидний байгуулсан үйлдвэрүүдийг улам сайжруулаад, арьс, шир, ноосны үйлдвэрүүд нь ажиллаж байсан бол юу гэж өнөөдөр Хятадын түүхий эдийн бааз болчихсон сууж байхав дээ. Миний байгуулахыг хүсч байсан үйлдвэр ганцхан үлдсэн. Энэ бол ноолуурыг боловсруулах. Бусдыг нь бид бүгдийг нь боловсруулж чадсан. Түүгээр ч барахгүй ангийн арьс боловсруулдаг үйлдвэр ч байгуулсан юм шүү дээ. Чоно, үнэг, зурамны арьс боловсруулж байсан. Би Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайд болж, намаас даалгасан үүргийг муугүй биелүүллээ. Бүрэн биелүүлэхийн тулд боловсруулдаггүй ганц юм тэмээний ноос, ямааны ноолуур байсан. Манай лагерьт ийм технологи, техник байгаагүй. Гэтэл манай ард түмний зол, салбарт ажиллаж байсан хамт олны азаар Японоос дайны төлбөрт 17 сая доллар өгөхөөр болсон юм. Яам болгон энэ мөнгөнд анхаарал хандуулж, санал боловсруулж, сайд болгон гүйж байв. Социализмын үед гаднаас олдож байгаа ганц валют шүү дээ. Ю.Цэдэнбал дарга “Ноолуур боловсруулах сайхан үйлдвэртэй болох нь цаашдаа хэрэгтэй” гэж дэмжсэн учраас Монгол Улс ноолуурын үйлдвэртэй болсон юм даа. Ноолуурын сайхан үйлдвэртэй болохоор хүсч байсан болохоор Англи, Итали, Японд очиж туршлага судалсан юм. Түүх мэдэхгүй хүмүүс “Говь” комбинатыг япончууд барьсан гэдэг. Япон улс тоног төхөөрөмж, мэргэжилтнүүдээ нийлүүлээд, Даадашин даргатай манай барилгачид босгосон юм шүү дээ.

-Та Пааван гэдэг хүнээр овоглодог. Ээж, аав хоёр тань салаад Пааван гэдэг аавтай болжээ. Танд сүүлд овгоо солих бодол төрж байсан уу?

-Үгүй яалаа гэж. Миний биологийн эцэг Нанзад гэж хүн. Намайг хүн болгосон хүн бол Пааван гэж хүн. Тийм учраас би энүүгээрээ л дуусна.

-Та дөнгөж 29 насандаа төрийн сайд болсон болохоор нэрээ хичээх, залуу хүний жаргал цэнгэлийг хязгаарлах шаардлага тулгарсан болов уу?

-Хүний нэр төр ажлаа хэр сайн хийж байгаагаас хамаардаг. Сайд болчихвол нэртэй болчихдог юм биш шүү дээ. Ажлаа сайн хийгээд байхаар ард түмэн “Энэ Төрийн хүн” гэж хардаг. Сайд хүнийг хаана ч очсон хүндэлдэг. Өгсөн үүрэг даалгавар, хэлсэн үг ажил болдог. Одоогийн сайдуудыг бол хэн хүндэтгэж байгаа юм. Ажил хийхгүй учраас нэр төр байхгүй, нэр төр байхгүй учраас сайд хүнийг тоохгүй байна. Бидний үед бол “Төрийн сүлд өршөө” гэж залбирдаг байлаа шүү дээ. Ёс зүй гэдэг бол ямар ч хууль дүрмээс илүү зүйл. Хууль бол ёс зүйн доод хязгаар.

-Та “Эрдэнэт”-ийн захирлаар Ш.Отгонбилэгийг бараг арваад жилийн турш сургаж бэлтгэсэн тухай дурссан байна лээ. Одоо бол албан тушаалыг мөнгөөр үнэлдэг болжээ. Таны үед хүнийг албан тушаалд яаж бэлтгэж, гаргаж ирж байсан тухай яриач?

-Зүйтэй. Манай нам гол боловсон хүчнийг гурил шигшдэг шиг гаргаж ирж байсан. Дээд сургууль төгсч ирээд, шууд дарга сайд болдог систем байгаагүй. Хамгийн дороос эхэлдэг. Гутлын үйлдвэрийн инженер гэхэд л гутлын үйлдвэрийн дагалдангаас эхлэх жишээтэй. Ажилдаа сайн бол дэвшээд л явна. Яамны сайдаас эхлээд, удирдах ажлууд дээр запас бэлтгэдэг. Тогтсон журамтай. Яамны сайд бол орныхоо хоёр хүнийг бэлтгэх үүрэгтэй. Орлогч сайд нар мөн хоёроос гурван хүнийг бодно. Үүнийгээ Төв хороонд илтгэдэг. Яамны сайдыг Төв хороо л бэлтгэнэ шүү дээ. Миний санал болгосон хүнийг ч судлана. Өөрсдөө ч хүн судалж бэлтгэнэ. Хоёр жил тутам түүнийгээ тодорхойлж өгнө. Зүгээр бүртгээд зогсох бус ажил дээр нь шалгадаг. Том үйлдвэрийн дарга нар мөн ялгаагүй хоёр хүн бэлтгэсэн байх учиртай. Нууц санал гаргана шүү дээ. Түүнээс биш тэр хүнд чамайг станцын дарга болгох гэж байна гэж хэлэхгүй. Эрхэлсэн ажлаа яаж хийж байна. Хамт олны дунд нэр хүнд ямар байна. Өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар яаж хичээж байна. Бэлтгэсэн улсаас санасанд хүрэхгүй хүн ч гарна. Бүх яам, албан газар, аймгуудад ийм журам байсан. Ийм учраас албан тушаалд одоогийнх шиг тохиолдлын улсууд гарах ёсгүй. Томилолтоор хөдөө явуулна, гадаад явуулна, Тодорхой үүрэг даалгавар өгнө. Энэ бол манай намын кадр, боловсон хүчний мундаг том сургууль байсан.

-Та намын кадруудыг шигшдэг шигээ эхнэрээ шинжихдээ зөв оновчтой сонголт хийсэн үү?

-Оновчтой болоод л тавь, жаран жил хамт амьдарч байгаа биз дээ.

-Маш аятайхан, боловсролтой эмэгтэй сонгосон байна лээ?

-Намайг бодоход сэхээтний хүүхэд байхгүй юу. Хоолноосоо хүртэл мэдэгддэг. Би боорцог идэх дуртай. Намайг боорцог идэхээр “Хөдөөний хүүхэд боорцгонд дуртай” гэдэг.(инээв) Би одоо хүртэл боорцгонд дуртай. Өссөн орчин хүнд их нөлөөлдөг.

-Үндсэн хуульд өөрчлөлт хийх талаар их ярих болжээ. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Одоогийн энэ Үндсэн хуулийг сайн хууль болсон гэж яриад байдаг. Би шал дэмий, АНУ-ын нөлөөн доор хийгдсэн хууль гэж боддог. Эхнээсээ Монголын ард түмний шаардлага, ёс заншил, улсын хөгжлийн цаашдын хандлагад үндэслэж хийгдээгүй хууль. Ухаандаа өмч хувьчлал нэрээр социализмын үед бидний байгуулсан бүхнийг хувааж идээд, үйлдвэрүүдийг хаагаад дуусгалаа шүү дээ. Үндсэн хуульд өмч хувьчлалын асуудлыг зөв тусгах ёстой байсан гэж боддог. Өмч хувьчлал хийж болно. Манай ард түмэн өмч хувьчлалыг ойлгоогүй шүү дээ. Ард түмэнд эхлээд сайн ойлгуулж, мэдээлэл хүргэх учиртай байсан. Гутлын үйлдвэр байлаа гэхэд хувьчилж болно. Хувьчилж авч байгаа эзэн гутлаа л үйлдвэрлэнэ. Манай гутлын үйлдвэр дөрвөн сая 500 мянган хос гутал үйлдвэрлэдэг хүчин чадалтай байсан. Үүнийг бууруулахгүй, гадаадад экспортод гаргах чиглэлээр хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэсэн үндсэн дээр хувьчлах ёстой байсан. Сүүлийн гучин жил хөлс хүчээ зарцуулж байж барьсан үйлдвэрийг улаан ягаан, цэнхэр тасалбараар худалдаж авчихаад, үйлдвэрээ хааж, одоо арьс, ширээ боловсруулж чадахгүй, гутлаа хийж чадахгүй заваарч байдаг чинь юу гэсэн үг вэ?

Яагаад Улаанбаатар утаатай болчихов гэдэг Үндсэн хуультай холбоотой. Юу гэхээр эрх чөлөө өглөө, дуртай газраа хүн амьдарна гэсэн. Хөдөө байсан хүмүүс хэдэн малаа худалдаад, Улаанбаатар руу хөдөлнө шүү дээ. Улаанбаатар сая 300 мянган хүнтэй болоод утаандаа баригдлаа. Миний бодлоор Үндсэн хууль Монголын эрх ашгийг бодсон байдаг бол хүн Монгол нутагт дуртай газраа амьдарна. Нийслэл Улаанбаатарт бол хуучин журмаараа явна гээд тусгай зөвшөөрөл өгдөг байх учиртай. Бидний үед албанд дэвшүүлэх боллоо гэхэд Улаанбаатарт ирүүлэхгүй. Энд ирээд орон сууц нь байна уу гэж үзэж байж зөвшөөрөл өгдөг. Улаанбаатарт хэн ирж байсан гэхээр үр хүүхэд нь байдаг, өвчтэй зовлонтой улсууд л тусгай зөвшөөрлөөр ирж байсан. Одоо тэгэхэд юу болж байна.

Олон нам байна гэж Үндсэн хуульд зөвшөөрдөг. Яагаад Үндсэн хуульд Монголд хоёр л нам байна гээд зааж болдоггүй юм. Тэгвэл ард түмнийг ингэж их сөргөлдүүлэх үү? Өнөөдөр гуравхан сая хүн хорин хэдэн намтай болчихсон. Бүх хүнийг сөргөлдүүлж байгаа биз дээ. Манайхан угаасаа хүн ам цөөтэй. Ийм олон нам байгуулагдах дэмий.

Уг асуудал буруу тавигдсан учраас өнгөрсөн 28 жил манай Үндсэн хуулиар биш Америкийн шууд удирдлаган доор хийгдсэн Үндсэн хуультай явж ирлээ. Манай болж байгаа бүх юм Америкийн боловсруулсан төлөвлөгөөгөөр л явж байна шүү дээ.

Үндсэн хуулийг өөрчлөхдөө Зөвлөлдөх уулзалт хийгээд, тэрний дагуу ард түмний санал аваад, өөрчлөх юм гэнэ. Нэг муу Үндсэн хууль хийсэн улс, хоёр дахь муу Үндсэн хууль гаргаад юу хийхэв дээ. Манайд ухаантай, эрдэмтэй, туршлагатай хүмүүс олон байна. Энэ улсуудаараа Үндсэн хууль боловсруулах тусгай комисс гаргаад, боловсруулаад, ард түмнээр хэлэлцүүлээд, дараа нь ард түмний саналыг хурааж аваад, УИХ-д оруулж батлуулах хэрэгтэй. Одооны эдэн шиг нүд хуурсан ажил хийж болохгүй шүү дээ. Зөвлөлдөх уулзалт гэнэ шүү. Ямар мундаг сэтгэдэг улс вэ. Америк багш нь зааж өгдөг байх даа.

-Америкийн нөлөө л гээд байх юм. Социализмын үед орос ах нарын заасан замаар л явдаг байсан биз дээ?

-Би улсын удирдлаганд сайд хийгээд явахдаа Орос дургүйцэж байна, энэ болохгүй байна гэж нэг ч сонсоогүй. Одоо эд нар Оросоос хамааралтай байсан гэж яриад байх юм. Баримт гаргаад ир л дээ.

-Одоогийн төрийн эрхэнд байгаа хүмүүст ямар дүн тавих вэ?

-Сурагчийн хамгийн муу үнэлгээ юу байдаг вэ?

-Бидний үед хоёр л байсан шүү дээ.

-Тэгвэл хоёрын тоо л тавих байх даа. Улс орныг дампууруулчихаад байгаа улсыг юу гэж сайн гэх юм бэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Галаарид: Үнийн дүн заасан торгууль шийтгэлийг хуульчлах нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг

Зөрчлийн хуулийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх явцад Ц.Гарамжав гишүүний зарчмын зөрүүтэй саналаар гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгохыг гишүүд дэмжсэн юм. Сошиал орчинд ч хамаатай энэ заалт хэвлэлийг цензурдах, иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд халдаж байгаа талаар хэвлэлийнхэн шүүмжилж байна. Улстөрчид зүй бус үйлдлээ иргэдэд мэдүүлэхгүйн тулд гүтгэсэн хэмээх хуулийн зүйл заалтаар зэвсэглэж хэвлэлтэй тэмцэх тохиолдол олон. “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд цуглаж, энэ асуудлаар хэлэлцлээ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид хэвлэлийнхнийг төлөөлөн, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр ярихдаа:-

-Зөрчлийн тухай хууль эргээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн үйл ажиллагаатай холбогдож байна. Ер нь сүүлийн үед хэвлэлд буруу өнцгөөс хандах нь олноор илрэх боллоо. Түүний нэг жишээ нь 29 дүгээр сургуулийн хэрэг явдал гэж үзэж байна. Телевизээр нэвтрүүлэг нь цацагдаагүй байхад Биднийг гүтгэлээ гээд цагдаад гомдол гаргадаг жишиг Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд байгаагүй. Гэтэл “Ийгл” телевизээр 29 дүгээр сургуулийн тухай нэвтрүүлэг гарна гэж урьдчилсан зар хэлбэрийн мэдээлэл фэйсбүүкээр гарахад цагдаад гомдол гаргаад, цагдаа түүнийг нь хүлээж аваад, сэтгүүлчийг дуудаж дарамтлах асуудал гарсан. Энэ нь иргэдийн мэдэх эрх, хэвлэлийн эрхтэй холбоотойгоор хурцаар дуу хоолойгоо гаргахгүй бол болохгүй цаг үе иржээ гэдгийг харуулж байна.

Мөн Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор томоохон хэвлэлийн эзэд, төрийн бус байгууллагынхан уулзалт хийж байна. Энэ бол хэвлэл мэдээллийнхэн хязгааргүй эрх эдлэх гэсэн хэрэг биш. Иргэд олон нийт аливаа мэдээллийг олж авах, мэдэх Үндсэн хуулиар олгогдсон, Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажсан эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болсон алхмууд ихээр гарах боллоо. Ийм учраас бид дуу хоолойгоо нэгтгэж хүргэе гэж зорьж байна. Өнөөдрөөс эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу нэгтэйгээр иргэдийн мэдэх эрхийн эсрэг хандсан аливаа үйлдэлтэй тэмцэнэ гэдгээ зарлаж байна. Акцууд хийгдэнэ, шаардлагуудаа тавина. Урьд өмнө нь сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж болон ямарваа шийдвэр гаргахдаа мэргэжлийн хүмүүс, хэвлэлийнхнээс санал авдаг байсан. Тэр уламжлал орхигдож байна. Улс төрчид үүнийг хүсэхгүй байна. Монгол орон хэр ардчилсан улс болохыг дэлхий нийтэд харуулж байдаг нэг үнэлгээ хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байдаг.

Энэ эрх чөлөөг хумих оролдлогууд хийгдэж байгаад харамсч байна. Зөвхөн сэтгүүлчдэд зориулсан заалтыг Эрүүгийн хуульд оруулж өгөөч гэсэн санал гаргадаг. Эсвэл хэвлэл мэдээллийнхний торгууль шийтгэлийг нэмж өгөөч гэсэн санал гаргаад явдаг хууль тогтоогчидтой нөхцөлд бид тайван сууж болохгүй. Энэ чинь явж явж хэдэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн асуудал биш. Монгол Улсын иргэд зөв үнэн бодитой мэдээллийг хурдан шуурхай олж авах уу үгүй юу гэдэг асуудал юм. Үүний цаана Монгол Улсын иргэн мэдээлэлтэй байх юм уу эсвэл УИХ-ын гишүүн гэдэг дархан эрхтэй хэдхэн хүн мэдээлэлтэй амьдрах юм уу гэдэг асуудал бий.

1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль дөрвөн зүйл заалттай. Аливаа хэвлэлийн цензурыг бүү тавь гэсэн. Аливаа хэлбэрийн цагдан хяналт байж болохгүй гэсэн үг. Үнийн дүн заасан торгууль шийтгэлийг хуулинд заана гэдэг нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг. Өнөөдөр дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчсөн хуулийн заалтыг батлах гээд УИХ ажиллаж байна гэдэг ардчиллаас ухарч байгаа хэрэг. Бид хууль санаачлах эрхгүй нь үнэн. Гэхдээ бид үүнийг ойлгуулах учиртай. Гүтгэлэг гэсэн үгийн цаана хэн нэг шүүмжлүүлсэн улс төрч сэтгүүлчид дургүй байж болно. Хэн нэгэн аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дургүй байж болно. Гэхдээ иргэдийг мэдээлэлтэй байлгахын төлөө цаг наргүй ажиллаж байдаг энэ салбарыг янз бүрийн дарамт шахалт үзүүлэх нь байж болшгүй асуудал. Тийм учраас бид УИХ-ын гишүүдийг анхаарч, алдаагаа хүлээн зөвшөөртөл тэмцэх ёстой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жамьян: Надад үзсэн, сонссон, хүнд хэлчихмээр, нууцалж явсан элдвийн юм бий

Ерөнхийлөгч Н.Багабанди гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Г.Жамьян гуай, та шударга үнэнийг улам сайн бичээрэй” гэхэд нь манай Г.Жамьян гуай “Дарга аа, би таныг улам их шүүмжлэх болно” гэж л дээ. Тэгж хэлэхэд нь Ерөнхийлөгч учиргүй их инээсэн гэнэ. Дараа нь сэтгүүлчид “Н.Багабанди дарга инээдэггүй хүн дээ, түрүүн та хоёр яагаад инээлдээд байсан бэ” гэж сониучирхсан гэнэ лээ.Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч, зохиолч Г.Жамъян хөдөлмөрч нэгэн. 80 гарсан ч бичсээр буй тэрбээр өдгөө аль хэдийнэ хориод номтой болоод буй. Тэрбээр саяхан “Сөрж, сөхөрч туулсан хорвоо” хэмээх шинэхэн номынхоо нээлтийг хийсэн юм. Түүнтэй ярилцлаа.


-Та “Сөрж сөхөрч туулсан хорвоо” номоо яагаад бичих болсон бэ?

-Хүн хорвоод ирээд буцдаг амьтан. Буцахад учир бий. Ямар ч байлаа хүн буцахаасаа өмнө хорвоод ирээд юу хийв. Ямаршуу янзтай амьдрав. Энэ гавал дотор юу багтаж явсан. Үүнийг цаасан дээр бичиж үлдээх хэрэгтэй юм байна. Би ная гарчихлаа. Өндөр насаллаа. Надад үзсэн сонссон, хүнд хэлчихмээр, нууцалж явсан элдвийн юм бий. Тэр бүхэн шороонд шингэсэнд орвол ард түмэнд хүрээсэй гэсэндээ би энэ номыг бичлээ. Би арван хэдтэйгээсээ эхлээд бичсэн. 60-70 жил биччихэж дээ.

-Анх бичихийн амтыг яаж мэдэрсэн бэ?

-Наймдугаар ангид байхдаа “Нар шингэх зүгт” гэж шүлэг бичээд, “Пинонерийн үнэн” сонинд явуулчихлаа.Тэр хэвлэгдсэн нь урам зориг өгсөн. Юм бичээд байвал нийтийн хэвлэлд гараад байх юм байна гэж бодсон. Бас Сталины 70 насны ойгоор хүүхдүүдийн дунд зарласан шүлгийн уралдаанд миний шүлэг түрүүлж, ханын сонинд тавигдсан юм. Би бас бодлоо. Бичээд байвал болмоор юм байна гэж. Энэ хоёр тохиолдол намайг сэтгүүлч, уран зохиолчийн замд хөтөлсөн юм.

-Хүн цаг үеийнхээ бүтээл шүү дээ. Тухайн үедээ Сталиныг хэрхэн мэдэрч, яаж илэрхийлж байв?

-Сталины 70 насны ойгоор манай сургуулийн олон хүүхэд шүлэг бичсэн юм.“Их багш Сталин таны ирмүүн цогтой харцан дор чинь…” гээд л бичсэн санагдана. “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдсэн шүлэг маань “Удахгүй би тийшээ явна, Улаан Москва хотыг зорино, шинжлэх эрдмийн туяатай адилхан, шинэхэн эрдмийн дээж авчирна” гэж бичсэн байдаг. Москваг төсөөлж тийшээ л явах юмсан гэж бодож байж шүү дээ. Зөвлөлтийн ард түмэн, Сталиныг магтаж байсан тэр хүн чинь 50-60 жилийн дараа Зөвлөлтийн эсрэг үзэлтэн болж, Монгол, Зөвлөлтийн найрамдалд ан цав суулгасан этгээд гэгдэж арга хэмжээ авагдсан. 1979 онд арга хэмжээ авагдаж 10 жил зургаан сар хүнд хөдөлмөрт нухлагдлаа шүү дээ.

-“Гавьяа” нийтлэлээс болж буруудсан гэдэг бил үү?

-“Гавьяа” найрууллын хэрэг гээд том дуулиантай хэрэг бослоо шүү дээ. Их сургуулийн үүдэнд Оросын гурван согтуу офицер жолоодсон машин шөнийн ээлжийн ажилчдын автобусыг мөргөж, 20 хүнийг шархдуулж, нэг хүний амь насыг авсан тухай бичсэн чинь Монгол, Зөвлөлтийн найрамдалд харш болоод, арга хэмжээ авагдсан. Энэ тухай номдоо тодорхой бичсэн.

-Тэгээд Модны үйлдвэрт цөлөгдсөн гэдэг?

-Улаанбаатар хотын мод боловсруулах комбинат гэдэг газрын эсгүүрийн цехэд хүргэгдэж очоод, тэнд 450-иас илүү цалин авч болохгүй нөхцөлтэйгөөр сунгасан цагаар хөдөлмөрт нухлуулж байлаа даа.

-Хүнд хөдөлмөр хийж байгаа хүн бичихэд цаг гаргаж чаддаг байсан уу?

-Сурвалжлага, тэмдэглэл бичиж болохгүй. Уран зохиол бичиж байлаа. Сүүлд ерэн онд цагаатгагдаад эхнээс нь хэвлүүлсэн.

-Зарим нь шоронд суусан ч бичиж л байдаг. Бичих эрх чөлөөг нь хаасны дараа бичих хүсэл оргилдог уу?

-Нэгэнт амь насаа зориулсан хөдөлмөрийг маань хаачихаар хэцүү. Сонинд бичмээр санагдана. Дотоод яамны байнгын хяналтад байгаа учраас тэр эрх чөлөө байхгүй. Бичсэн юмаа хадгална. Үгүй бол хүний нэр дээр гаргана. Би Р.Минжүүр гэж лут баатрын тухай ном хийсэн. Р.Минжүүр баатрынхаа нэр дээр гаргасан.“Үнэн” сонинд Г.Жамьян гэж хүний таван мөр мэдээ гарсан юм байж. “Өнөө Г.Жамьян чинь сонинд юм бичиж байна” гээд Дотоод яамныхан бужигнаад. Тэгсэн чинь тэр нь Хэнтий аймгийн идэвхтэн сурвалжлагч байж. Тэгж би ялгүй өнгөрсөн.

-Хэцүү цаг байжээ. Гэхдээ л энэ цаг үед таны залуу нас өнгөрсөн. Тэр үеийн залуусын гоёл, амьдралын хэв маягийн тухай яриач. Б.Догмид гуай таныг залуудаа гудамжинд зөрсөн охид бүсгүйчүүд эргэж хармаар ширээ ат шиг сайхан залуу байсан гэсэн?

-МУИС, Багшийн дээдийн бидний хэсэг залуус орчин үеийн моодыг дэлгэрүүлж байлаа. Өмд нэг их өргөн трапец хэлбэртэй болж ирээд тэгснээ бүр шилбээ барьсан нарийхан болсон. Тэр болгоныг дуурайна. Нарийн костюм хийдэг газар байхгүй. Өмдний шуумгаа индүүдэж нарийн болгож хавчаад гоёдог байлаа. Арван хэдэн залуу бүжиг танц эргүүлж явдаг. Дуу хуур болоод уулзалт үдэшлэг болоход шүлэг зохиолоо уншдаг. Р.Чойном, Д.Пашка байна. Тэр үед Р.Чойномыг мундаг зохиолч болж, түүхэнд үлдэнэ гэж бодсонгүй. Хамт архидаж бүжиглээд, шүлгээ уншаад явж байсан. Намайг “Улаанбаатарын мэдээ” сонинд сурвалжлагчаар ирэхэд, “Улаанбаатарын мэдээ”сонины дэргэдэх Утга зохиолын дугуйлан гэж байлаа. Ирээдүйн мундаг зохиолчдыг төрүүлж гаргасан. Тэрэнд ирж байж Р.Чойном, Д.Пашка, Л.Базаррагчаа нартай бүгдтэй нь танил найз болсон. Би Ленин клубийн дэргэд хотын намын хорооноос өгсөн хоёр өрөө байранд ганцаараа. Өнөөдүүл над дээр ирээд архи ууна, залуучуудын хийдэг бүхнийг л хийнэ. Тэгээд л дотно болчихгүй юу.

-Таныг бүжиг танцанд гаргууд явсан гэдэг?

-Орой бүжиг хэсдэг. Би бол бүжгийн донтой байсан. Залуучуудын байгууллага орой бүр шахуу үдэшлэг, олон нийт явуулж тэнд очиж сайхан амарч цэнгэдэг байлаа. Манай Р.Чойном бүжиглээд байхгүй, шүлгээ сайхан уншина.

-Таны гэргий З.Ичинноров гуай зочломтгой сайхан эмэгтэй. Бүжгэн дээр танилцсан уу?

-Манай хөгшин бид хоёр суугаад бараг жараад жил болж байна. Би Дарьгангаас авгай авсан. Манай авгай бүжиг гэхээр хөл нь хойшоо урагшаа гишгэхээ больчихдог. Тийм хүнтэй суугаад, бүжиг завсарласан даа. Хүүхэд төрсөн, авгай бүжиг мэдэхгүй, номын хүн. Эрүүл мэндийн шалтгаанаар хөдөлгөөнтэй байх үүднээс сүүлийн жилүүдэд бүжиг хийж байна. Долоо хоногт гурван удаа бүжиглэж, хөлсөө гаргахаар хачин сайхан болно шүү дээ.

-Биднийг нэг удаа танайд очиход та “Хань галзуу” гээд өгүүллэг уншиж өгсөн. Танд тохиолдсон амьдрал юм болов уу гэж хардсан шүү?

-Тиймэрхүү юм миний амьдралд ердөө байгаагүй. “Хань галзуу”-г өөр хүний амьдралаас сэдэвлэж бичсэн юм. Хөгшин маань төлөв даруу, боловсролтой хүн шүү дээ. Бид хоёр үг хэлээ ололцдог, ам муруйж үзээгүй. Номд маань хөгшиндөө зориулсан шүлэг бий. Манай хөгшнийг дүү нар нь авгайлж, Инжээ гэж дууддаг. “Инжээ минь итгэл даах хань минь, ирмэх нүдний зовхинд хоргодсон инээдэг шувуухай минь” гээд бичсэн байгаа.

-Та номдоо бүх нууцаа бичсэн гэдэг үнэн үү?

-Тэр байтугай авгайдаа хэлээгүй нууц хүртэл энд бий.

-Сэтгүүлч бидэнд уулзахгүй, ярилцахгүй хүн гэж алга. Таны ид үед төр засгийн тэргүүнүүдтэй сэтгүүлчид ямар харьцаатай байв?

-Би нэг жарны түүхийн гэрч юм. Амьд гэрчийн хувьд бичих юм олон. Ю.Цэдэнбал даргаас эхлээд М.Энхболд, Ц.Элбэгдорж хүртэлх олон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай нэг үед амьдарч, бүгдийг нь сайн, саараар бичиж байлаа. Зарим нэгтэй нь ах дүү шиг явлаа.

-Хэнтэй тэр вэ?

-Ж.Наранцацралт бол миний хуурай дүү байлаа. Ш.Гунгаадоржтой би ураны эрэлд явж байсан. Д.Бямбасүрэн Ерөнхий сайдтай өөд өөдөөсөө харсан байшинд аяган дахиа хуваагаад явж л байсан. Заримд нь бол ажил төрлийн шугамаар загнуулж байлаа. Арай л зодуулаагүй.

-Хэнтэй нь тэгж муудчихав?

-Х.Чойбалсан гэж хүний барааг нь харж байлаа. Ю.Цэдэнбал даргын үед ажиллаж амьдарч байлаа. Гавьяанаас гайтах үеийн гол удирдагч нь Ю.Цэдэнбал дарга. Хүнд хүчир хөдөлмөрт мөлхөж, зарим үед ухаан алдаж ойчиж үхэх гэж байхдаа бичсэн миний гучин хэдэн удаагийн өргөдөлд төр, засгийн тэргүүнүүд хариу өгөөгүй юм. Тэр улсуудад гомдож явлаа. Гомдоод би юу шалих вэ. Сайндаа сонинд бичиж, дурсамжинд оруулна биз. Өнөөдөр намайг шийтгэж байсан улсаас ганц, хоёр хүн амьд байгаа.

-Тэр үеийн томчуудын тухай үлгэр домог шиг хууч яриа явдаг байсан. Тэр ам дамжсан яриаг бодит эсэхийг судалж байв уу?

-Би олон юмны гэрч. Жишээлбэл, Л.Дандар баатрыг Оросын том хурандааг буудаж алчихаад, шоронд орсон гэж ярьдаг байсан. Сүүлд Л.Дандар баатар бид хоёр худ ураг боллоо. Түүнтэй ярилцаж өөрийнх нь амнаас сонссон. Бүгд худлаа байдаг. Л.Дандар баатрын амнаас сонссон зүйлээ номдоо бичсэн.

-Бодит байдал дээр юу болсон гэнэ вэ?

-Шоронд орсон л доо. Гэхдээ Оросын хурандаа буудсан юм байхгүй. 1945 оны дайны үеэр Өвөрмонгол, Хятадын хотуудыг чөлөөлсөн. Л.Дандар баатарт нэг чөлөөлсөн хотыг хариуцуулж үлдээжээ. Эхнэр хүүхдээсээ хол олон жил цэрэгт алба хаасан. Чөлөөлсөн хотын нэг эмэгтэйтэй танилцаад гэрт нь очоод байж байтал гэнэт нөхөр нь иржээ. Нөхөр нь хардаад, Л.Дандар баатрыг алах гэсэн юм билээ. Тэгэхээр нь өрсөөд буудчихсан гэдэг.

-Таныг сонссон, дуулснаа тэмдэглэж явдаг гэсэн. Н.М.Прежвалскийн “Тоост замын аянчинд тогтоох ой гэж байдаггүй” гэсэн үг байдаг. Тэмдэглэж авдаггүй бол олон хүний түүхийг бичихгүй ч байсан юм бил үү?

-Нэгдүгээрт, миний ой санамж муугүй шиг байгаа юм. Ээж маань 93 хүрсэн. Ээж юмыг ердөө мартдаггүй. Хүнийг овог нэртэй нь хэлнэ. Ургийн бичгээ ээжээрээ хэлүүлж бичсэн шүү дээ.Түүнээс гадна би онцлог зүйлүүдийг товчхон тэмдэглэж авдаг. Үзэг, цаас үргэлж бэлэн явдаг. Энэ хоёр маань дурсамж бичихэд хэрэг болдог юм. Ялангуяа одоо би гурван гол зүйл дээр ажиллаж байна. Нэгдүгээрт, Улаанбаатарт Швейцарийн нэг охин ирж, асрамжийн төв байгуулаад ажиллаж байсныг би сонинд сурвалжилж бичсэн юм. Гэтэл нэг муу банзан байшинтайгаа шатаж нас барсан. Бүх хүүхдүүдээ гаргаад өөрөө угаартаж байшинтайгаа шатчихсан юм. Швейцарь, Монголын найрамдал нөхөрлөлд хэрэгтэй юм болов уу гээд тууж бичээд үлдээх санаатай. Хоёрдугаарт нь, 505-ын хоригдлуудыг би нүдээрээ харсан хүн. Ахлах ангид байхад манай Дорноговьд 505-ынхан байлаа. 505-ынхан дотор ЗХУ-ын баатрууд ч байсан. Дайны үед урвасан гээд ЗХУ-ын бүхэл бүтэн том армийг даргатай юутай хээтэй нь хоригдол болгочихсон. Тэд чинь манайд цөллөгт ирж ажиллаж байсан. Власовчууд гээд кино хүртэл бий дээ. Тэр дунд байсан нэг ЗХУ-ын баатар төмөр замд ажиллаж байгаад зугтаж, Сэлэнгийн Дулаанхааны модтой ууланд орогнож байжээ. Хоригдлуудын эмч Наташатай хайр сэтгэлийн холбоотой байж. Наташаг хүчээр ам алдуулаад, Дулаанхааны агуйгаас оргодлыг гаргаж ирүүлээд, хоёуланг нь буудсан гэдэг. Дулаанхааны энгэрт хоёр цагаан чулуу байдаг юм. Тэнд оршуулсан байгаа юм. Шоронгийн удирдлагууд муухай харгислаж доромжилсон гэдэг. Тэр бүх түүх надад байдаг. Түүгээр юм хийх сэн гэж боддог. Гурав дахь нь Монголд 1979 онд дайн болох шахсан юм. Оросын цэрэг Монголын хил дээр ирчихээд яг Хятадтай байлдах гэж байсан. Үүнийг сэжиг авахуулахгүйгээр дарчихсан юм. Хятад, Вьетнам руу цэрэг оруулахад Вьетнам Оросуудаас тусламж хүссэн чинь Оросууд Хятадыг хойноос нь дайрна гээд манай урд хил дээр байрлаад Зүүнбаянгийн монгол цэргүүд түргэн авчээ. Энэ үед Эрээнд гурван улсын хэлэлцээр болоод больчихсон юм. Алс дорнодын фронтын бүх ангиуд Монголын урд хил дээр ирээд байсан юм билээ.Энэ тухай материалуудыг бүгдийг бэлэн болгоод ном гаргана. Миний нас хүрэхгүй байх л даа. Түүнээс биш эрж сурвалжилсан, бичиж тэмдэглэж авсан юм асар их байна.

-Хүн болгон өөрийн зовлонтой. Дээр нь сэтгүүлч бусдын зовлонг сонсоод эмтрэх үе ч их. Энэ бүхнийг яаж дааж гардаг вэ?

-Ээж маань сургасан юм. “Зовох тусмаа сэргэлэн яв. Хүнд муугаа үзүүлж болохгүй” гэдэг зарчим барьдаг хүн. Хүмүүс сүүлд хэлж байсан. “Таныг манай сургуулийн урдуур хар костюмтай, зангиатай өнгөрч байхад сургуулийн захирал юм уу том сэхээтэн байх гэж хардаг байсан. Тэгсэн чинь та Модны үйлдвэрт хүнд цехэд нь ажилладаг хүн байж билээ” гэж билээ. Би арван жил тэгж явлаа шүү дээ.Хагацал зовлон их үзсэн. Би зовсон ч дотроо хадгалаад явдаг хүн. Хүний зовлонг их хуваалцлаа. Аль хүнд хэцүү юмыг сэтгүүлч хүн бие сэтгэлээрээ амсдаг билээ. Тэр болгонд хамар шархираад байж болохгүй. Хатуу зоригтой байх хэрэгтэй.

-Хагацал зовлон үзсэн үед бурхан хамгийн ойрхон санагддаг үе бий. Та шашингүй үед амьдарч байсан. Гэхдээ хэцүү үедээ уншдаг тарни байсан уу?

-Би бурхан тэнгэр шүтдэг хүн. Миний буудуулсан өвөг эцэг нутагтаа алдартай лам байлаа. Миний хоёр ээж бурхан тахилаа нууж, авдрандаа тахидаг байсан. Миний даасан лам нар гэж мундаг лам нар одоо ч бий. Том хувилгаан лам нарын шавь юм. Тийм учраас шашин шүтнэ. Би бурхан тэнгэрт залбирдаг. Гурван тарни сайн мэддэг. Түүнийгээ уншаад өглөө, оройдоо байшингаа арав тойрно.

-Нийгэм солигдох үед гэнэн гэмээр юманд нийтээрээ их төөрөлддөг байсан. Алтан цөгцний хэрэг, Ромбу гариг, үзмэрч Ч.Дашцэрэнгээс гэрэл цацарч байсан гэдэг. Та ч бас нийгмийн эд эс юм чинь төөрөлдсөн, гайхширсан хөгжилтэй тохиолдлууд байсан байлгүй?

-Нэг сонин тохиолдлыг номдоо бичсэн. Ч.Дашцэрэн үзмэрчийг бид нэг удаа сорилоо. Би тэгэхэд “Багш” сонины сурвалжлагч байсан юм. Автобусны буудал дээрээс танихгүй улсууд авчирч сорьж үзсэн юм. Дашцэрэн бидний авчирсан гурван хүнийг А хэлүүлэлгүй байж байгаад, бүгдийнх нь хэрэг зоригийг яг хэлсэн. Ч.Дашцэрэнг Ромбу гаригтай холбогддог энэ тэр гээд тэр үед янз бүрээр хэлж байсан. Бид бол биширсэн. Ч.Дашцэрэн судсыг нь бариад, яг хэлээд байгаа юм. Нэг авгайг “Чи өвчиндөө гутарч явдаг юм байна. Дорхноо зүгээр болдог өвчин. Нэгдүгээр эмнэлэгт би дагуулаад очсон ч болно. Тэгээд зүгээр болчихно” гэхгүй юу. Өнөө авгай чинь баярлаад “Та ямар буянтай хүн бэ, яг хэллээ” гэсэн. Тэр авгай шулуун гэдэсний өвчтэй. Өтгөн нь гарахаа байчихсан. Дандаа клизмээр гаргадаг байжээ. Ч.Дашцэрэн өөрөө дагуулаад нэгдүгээр эмнэлэгт аваачсан. Сүүлд тэр авгай жигтэйхэн сайхан болчихсон явж байсан.

-Таны амьдралд тохиолдсон хамгийн баяр баясгалантай үйл явдал юу байв?

-Анхны зээ мэндлэхэд их баярлаж хорвоогийн хүний баяр жаргалыг эдэлж байлаа. Би жаргаж ч үзлээ, зовж ч үзсэн. Хамгийн том баяр бол зээ хүү төрж, түүнийгээ өсгөж өндийлгөж явсан үе маань. Хамгийн хэцүү үе тэр зээгээ 19 хүргээд алдсан маань.

-Шийтгэл хүлээгээд шаналж явахад чинь юу таныг урагшлуудаг байв. Юу танд итгэл найдвар төрүүлсэн бэ?

-Олон түмэн. Модны үйлдвэрт эсэргүү гээд хүргэгдэж очсон ч үйлдвэрийн хамт олон сайхан хүлээж авах жишээтэй.

-Та хэдий үеэр бичдэг вэ?

-Би орой найман цагт унтдаг. Яг найм болоход хэд эвшээгээд унтаад өгнө. Өглөө таван цагт сэрээд юмаа бичдэг. Таваас найман цагийн хооронд тархи сэргэлэн байдаг юм.

-Та компьютерт бичихгүй гараараа бичээд байдаг бил үү?

-Гараараа бичээд хүүхдүүдэд өгөөд шивүүлнэ. Би гэрийнхэндээ хэлдэг. Нэг цагт ойчоод өгөхөөр миний дэрэн доогуур хотын сонинг хийгээрэй. Би чинь хотын сонинд насаа барсан хүн ш дээ. Хоёрдугаарт би үзгээ барьж үхнэ гэдэг.

-Үзгэндээ ач холбогдол өгдөг юм аа даа?

-Болж өгвөл хамгийн сайхан үзгээр бичих гэж боддог. Надад хүн бэлэглэсэн 799 мянган төгрөгийн үнэтэй үзэг бий гэв.

Г.Жамьян гуай ярианыхаа төгсгөлд гурван хүнийг онцолж талархахыг хүссэн юм. “Би намайг их баярлуулсан гурван хүнийг энд онцолж хэлье. Н.Багабанди дарга яг суудал халахынхаа урьд өдөр Т.Галсанд ардын уран зохиолч цол, надад гавьяат цол олгосон юм. Тэр их ухаантай хүн намайг хулгайч биш, худалч биш, эсэргүү биш гэдгийг Монголын төрөөс баталгаажуулж өглөө гэж баярлаж явдаг. Хоёрдугаар их баярлуулсан хүн Петровисийн захирал Ж.Оюунгэрэл. Би хүүгээ хүнд өвчтэй байхад орон байр бүх юмаа зараад наашаа хандсан бүхэнд хандаж явахад Ж.Оюунгэрэл гэж буянтай эмэгтэй огт танихгүй хэрнээ надад шүүгээнээсээ арван сая төгрөг гаргаж өгч байсан юм. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дагуулж очсон.

Би хадтай уулан дээрээс доошоо нисээд амьсгал хураах шахсан. Гэмтлийн больницод хүргэгдэж ирээд сайн эмч нарын хүчээр аврагдлаа шүү. Гэмтлийн эмнэлгийн дарга С.Отгонгэрэл гэж залуу байдаг. Тэр чинь бурхан. Надад дээд зэргийн анхаарал тавьсан. Тэнд ямар эм тариа байна, ямар орон зай байна, ямар хүчтэй эмч нар байна. Тэр бүгдийгээ дайчлаад, амийг минь аварсан. Би номынхоо дээжийг аваачиж барьдаг ийм гурван хүн бий” гэлээ.


Categories
мэдээ нийгэм

Л.Жаргалсайхан: Ойрхон, дээр, хажууд байгаа үзэсгэлэнтэй ертөнцийг хүүхдүүдэд хүргэхээр ноднингоос зургуудаа цуглуулсан

Амралтын өдрөөр “Хүннү молл”-ыг зоригчдын анхаарлыг татсан нэг зүйл шувууд байлаа. “Шувууны Жаргал ба түүний нөхөд” шувууны гэрэл зургийн үзэсгэлэн энд гарчээ. Шувуу сонирхогчид олон юм аа. Ялангуяа бяцхан үзэгчдийн хувьд нисдэг андынхаа талаар мэдлэгээ зузаатгах сайхан боломж байлаа. Хотод харагддаг цөөхөн хэдэн жигүүртнийг бодвол уг үзэсгэлэнд олон төрлийн шувууд “зочилжээ”. Эндээс үзэлцэж байгаа шувууд, дэгдээхэйгээ дагуулсан “ээж” нар, гоо үзэсгэлэн, амьдралын төлөөх тэмцэл, эрх чөлөөний мэдрэмжийг олж үзэж болохоор байв. Үзэсгэлэнг санаачлагч Ламжавын Жаргалсайхан шувууны гэрэл зурагчин, шувуу сонирхогч нэгэн. Тэрбээр “Хүмүүс намайг шувууны Жаргал гэдэг. Гэхдээ энд гол баатрууд нь шувууд” гэж хэлсэн юм. Л.Жаргалсайхан ЗХУ-д Олон улсын харилцааны дээд сургууль төгсчээ. Гадаад яаманд 15 жил ажиллаж байгаад сүүлийн 20 жил уул уурхайг түшихдээ шувуунд дурласан гэнэ. Зургийн тайлбарууд нь хөгжилтэй. Сүүлт хөхбухандайг гэхэд л “Худгийн засварчид” хэмээн нэрлэжээ. “Сүүлт хөхбухандай гэдэг бяцхан найз нар маань цас мөс хайлж, хаврын горхи урсах цагт ээлжээ хүлээгээд л усанд орж байгаа нь энэ. Энэ шувуухайн бие 13-15 см урт байдгаас сүүл нь 7-9 см. Теннисны бөмбөг шиг жижигхэн, хурдан хөдөлгөөнтэй болохоор ойж буугаад дурангийн хараанд ордоггүй, зургийг нь буулгах гэж ядаж билээ. Үржлийнхээс бусад цагт бүлсэг, хамаатан саднаараа амьдардаг” хэмээн тайлбарлажээ. Үзэсгэлэнгийн эзэнтэй хэдэн хором ярилцлаа.


-“Шувууны Жаргал ба түүний нөхөд” үзэсгэлэн хэдийнээс таны бодол санаанд төрсөн бэ?

-Шувууны гэрэл зураг сонирхоод тав, зургаан жил болж байна. Би судлаач биш, зөвхөн гэрэл зураг сонирхдог хүн. Шувуу ажиглагчдын клуб гэж байдаг. Арваад жил үйл ажиллагаа явуулж байна. Нүүр номын 4000-5000 дагагчтай Монголын шувуу ажиглагчдын том бүлэг бий. Тэр клубын уулзалтууд жилдээ нэг, хоёр удаа болдог. Тэнд оролцоод явж байхад гурван жилийн өмнө надад нэг санаа төрсөн юм. Гадныхан манайд гоё гоё шувуудын зураг их авах юм. Яагаад бид өөрсдөө авч болдоггүй юм гэж бодоод, тэр үеэс олон улсад тоогдохоор сайхан зураг дарах гэж хичээсэн. Шувуу судлаач найз нарынхаа тусламжтайгаар идэвхитэй сурч байна. Шувууны гэрэл зурагчдын хүрээ ч тэллээ. Нөхөдтэйгээ нийлээд 480-аад шувууны зураг авчих шиг боллоо. Энэ мэдээллээ хүүхэд, багачуудад хүргэх юмсан. Шувуу гэдэг амьд ертөнцийн нэг том хэсэг. Ойрхон, дээр, хажууд байдаг гоё, үзэсгэлэнтэй ертөнцийг хүүхэд, багачуудад хүргэчих юм сан гэсэн санаагаар ноднин жилээс авахуулаад зургуудаа цуглуулсан. Мэргэжлийн гэрэл зурагчдын туслалцаатайгаар энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна. Бид авсан зургаа хүмүүст үзүүлэхдээ дуртай байлгүй яах вэ.Энэ үзэсгэлэнгийн гол баатрууд шувууд юм.

-Олон сайхан шувуудын зураг тавигджээ. Энд нийтдээ хэдэн шувуутай танилцах боломжтой вэ?

-Энд 12 зурагчны 57 бүтээл тавигдсан байгаа. 55 зүйлийн шувууны мэдээлэл орсон гэсэн үг. Монгол орны 490-ээд шувууны бараг арваад хувийнх нь мэдээлэл энд бий. Үүнийг хүүхдүүдэд хүргэхийн тулд зургаа том, нам дор байрлуулаад, товч тайлбартайгаар хүргэж байна.

-Шувуу байтугай амьтны зураг авахад хэцүү шүү дээ. Та яаж энэ жигүүртнүүдийн зургийг дурандаа буулгаж авч үлдээд байна вэ?

-Ер нь хүн нэг юманд төвлөрөх юм бол юуг ч чадна. Би шувууныхаас өөр зураг авдаггүй. Камер, аппарат, дуран зохицсон байх ёстой. Манайхан камер, дурангаа эхэлж авчихаад, дараа нь сэдвээ сонгох гэдэг. Тийм биш, яг эсрэгээрээ. Их цаг хүч оролгүй яах вэ. Ялангуяа эхний хоёр жил сайн, муу янз бүрийн зурагтай л явсан. Одоо ч нэг өдөр мянга гаруй кадр авахад дөрөв, тав нь л сонгогдож үлддэг.

-Юу таныг шувуу сонирхоход хүргэв?

-Би уул уурхайн байгаль орчны асуудал хариуцаж байсан юм. Биологийн нөхөн сэргээлт ямар үр дүнд хүрсэнийг мэдмээр санагдсан л даа. Хүмүүс уул уурхайнхныг байнга шүүмжилдэг. Гэтэл тэд байгаль орчныг боломжийн хэмжээнд нөхөн сэргээж чадаж байна уу, үгүй юу гэдгийг үзэхээр шийдээд ШУА, ХААИС-ийн залуу эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Тэр ажлынхаа явцад шувуу сонирхож судалдаг залуу эрдэмтэдтэй танилцаж, хамтарч ном товхимол гаргасан юм. Тэгэхэд тэд зургаа үзүүлсэн. Энэ зургийг яаж авдаг юм бэ гэсэн чинь ингэж ингэж авдаг гээд зааж өгсөн юм. Түүнээс сэдэл авсан. Эхний хоёр жил камер, дурангаа ч мэдэхгүй будилсан. Дараа нь шувуу судлаач багш нар залуучуудтай танилцаад одоо бол зургийн чанар гайгүй болж байгаа байх. Энэ долоо хоногт хээрийн бүргэдийн зураг авсан юм. 120-иод кадр дарсан. Нэг, хоёр л кадр авч үлдсэн. Энэ зургийг нэтээр 24 цагийн дотор 60 мянган хүн үзчихэж байгаа юм. Монголын хээрийн бүргэдийг гадаад ертөнц мэдэхгүй. Үүнийг таниулж мэдүүлж байна гэж өөртөө л боддог юм. Сайхан шүү дээ. Баянцогтын цаахна Хустай руу эргэдэг замаас ойрхон тариан талбайд авсан зураг л даа.

-Шувууны зураг авахад хамгийн гол нь юу вэ. Тэвчээр шаардах байх л даа?

-Тэвчээр, тууштай чанар шаардагдана. Маш их хүлээх хэрэгтэй болдог. Аажуухан ойртох ёстой. Шувуу тайвшрах учиртай. Үргээж, хөөж болохгүй. Амралтын өдрөөр оройгоор яваад хархираа тогорууны зураг авах гээд чадсангүй. Гурван тогоруу таарсан юм л даа. Үзэсгэлэн дуусаад ирэх хагас, бүтэн сайнд явна даа.

-Хотод шувуу олж харах амаргүй. Шувууны жиргээ анзаарч сонсолгүй явах нь олонтаа. Та хотод бол хаанаас шувууд олж хардаг вэ?

-Биднийг багад хотод ногоон байгууламж ихтэй байлаа. Ордны арын цэцэрлэг, МУИС-ийн арын цэцэрлэг, “Гутлын 22”-ын ард талд жимсний мод мойл, моносны модод дээр өвөл шувууд их ирдэг байсан. Одоо бол харьцангуй багассан л даа. Манай хоёр зээ шувуу харна гээд тагтан дээрээ хоол тавьдаг юм. Түүн дээр долоо, найман шувуу ирнэ. Хөх бух, бялзуухай, боршувуу, шаазгай, хэрээ ирнэ. Хотод байдаг арваад шувуу ойрхон байгаа. Хотод ойрхон Сонгинод өмнө нь бургас мод ихтэй үед сайхан байлаа. Гачуурт, хойшоо цэргийн амралт байна. Хүн сонирхсон юмаа олоод авна аа. Орон нутгийн хувьд би Баян-Өлгийгөөс бусад аймгаар нэлээд явсан.

-Ямар үед таны сэтгэл хөдөлдөг вэ?

-Үзэж хараагүй шувуу л ер нь их гоё байдаг. Монголд урьд нь бүртгэгдэж байгаагүй шувуу таван жил болоход ганц нэг таарсан. Зургийг нь авч байгаагүй, хараагүй үзээгүй шувуу харахаараа их баярладаг. Энэ ямар шувуу вэ, ямар ч байсан зургийг нь аваадхая гэдэг. Гэртээ ирээд ном лавлахаас шүүж, тогтоож чадахгүй бол найз нартаа хандана. Найз судлаач нар маань тодорхойлохгүй бол гадны судлаачдаас асууна. Ингэж суух ёстой гоё.

-Шувуу ажиглах гэдэг аялал жуулчлалын нэг хэв маяг болжээ. Юу нь тэгж сонирхол татдаг юм бол?

-Миний бодлоор бол нүүдэлчдийн соёл, суурин соёлын ялгаа байх шиг байна. Манайхан шонхор, харцага, бүргэд гээд махчин шувуу сайн мэддэг. Бургасны жижиг шувууд, усны шувуудыг бага анзаардаг бол тариачин удамтай Европынхон бол жимсний мод хамгаалах үүднээс жижиг шувуудыг маш сайн мэддэг байх жишээтэй. Англи, Америкт зуугаад жилийн өмнө анх “Амьтан агнахаа больё, зургийг нь л авъя” гэсэн хөдөлгөөн өрнөжээ. Цахим, техник хэрэгсэл, дуран сайжирч байна. Сүүлийн арваад жил аз дайрсан хэн ч ямар ч мундаг зурагчингаас илүү зураг авах боломжтой болсон. Зам харилцаа сайжирч байна. Хоноод хүрдэг байсан Хөвсгөл рүү 40-50 мянгаараа явж байна шүү дээ. Сайн ч муу ч байсан хүмүүсийн амьжиргаа, соёлын түвшин дээшилж байна. Гол нь үзэсгэлэн дээр харж байхад хүүхэдтэй хүмүүс их ирж байгаад баяртай байна гэв.