Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхсоёл: Урсгал зардлын 15,4 хувийг зөвхөн зээлийн хүүнд төлөхөөр байна

Ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан эдийн засгийн чиглэлээр ажилладаг судлаач Б.Мөнхсоёлтой ярилцлаа.


-Ирэх оны төсөв батлагдах гэж байна. Сөрөг хүчнийхэн төсвийн зарлагыг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлсэн төсөв боллоо гэж шүүмжилж байна. Таны хувьд төсвийг хэрхэн дүгнэх вэ?

-Төсөв Засгийн эрхийг авсан намын бодлогоо хэрэгжүүлэх арга хэрэгсэл, зэвсэг байдаг. Зарцуулалт нь бодлоготойгоо уялдах ёстой. Нийгэмдээ өгөөжтэй хэрэгжих ёстой учраас иргэд оролцоотой байж, хяналт шинжилгээ дүгнэлт хийж санал бодлоо тусгах боломжтой байх учиртай. Энэ нөхцөл Төсвийн тухай хууль, бусад хуульд тусгагдсан ч бодит байдалд хэрэгжилт хангалтгүй. Цаг хугацаа давчуу, иргэд ойлгомжтой, тодорхой мэдээлэл авч амжихгүй байх нь олонтаа. Ерөнхийдөө Төсвийн сахилга бат муу байсаар ирсэн. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өрийн хэмжээ асар их нэмэгдэж, төсвийн алдагдал байнга өндөр явж ирлээ. Уг нь Төсвийн сахилга батыг хангах үүднээс Төсвийн тогтвортой байдлын хуулийг баталсан. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хуулиа дагаж мөрдөхөөсөө илүүтэй бий болгосон нөхцөл байдалтайгаа уялдуулаад 4-5 удаа засвар орууллаа. Ирэх оны Төсвийн хуулийг Төсвийн тогтвортой байдлын хуультай уялдуулж, төсвийн төсөөлөл хийсэн байна. Жишээлбэл, Төсвийн тогтвортой байдлын хуулиар тухайн жилийн тэнцвэржүүлсэн төсвийн тэнцлийн алдагдал 2018 оны хувьд 9,5 хувиас хэтрэхгүй байх учиртай. Тиймээс 2018 оны Төсвийн тухай хуулиар 8 хувьтай байхаар тооцсон. Өөрөөр хэлбэл орлого, зарлагын зөрүү 2,42 их наяд төгрөг байна. Төсвийн тооцоолол, төсөөллийг ДНБ-тэй харьцуулж хардаг. Энд гэхдээ эрсдэл бий. Засгийн газраас тооцож гаргасан тоонууд яг энэ чигээрээ биелэлээ олно гэсэн баталгаа байхгүй.

Засгийн газар, Сангийн яам ирэх онд учирч болох гурван төрлийн эрсдэл бий гэж төсвийн төсөлдөө дурдсан байна лээ.

Сүүлийн жилүүдэд хөгжсөн улс орнууд нүүрсний хэрэглээгээ багасгах зорилго тавьж байгаа. Тийм учраас нүүрсний экспортын борлуулалтын хэмжээ, үнэ тооцоолсон түвшнээс бага байх эрсдэл бий. Өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуй, газар тариалангаас орж ирэх орлого тооцсон хэмжээгээр орж ирэхгүй байх, төлөх ёстой үндсэн зээлийн төлбөрийг төлөх хөрөнгийг босгож чадахгүйд хүрвэл эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон донсолгоо авчрах магадлалтай. Нөгөө талдаа хэд хэдэн шинэчлэл хийхээр оруулжээ. Төсвийн тухай хуулийг батлах үйл явцад УИХ-ын гишүүд өндөр оролцоотой байдаг. Үүнийг багасгах зорилгоор Төсвийн зөвлөл байгуулахаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал оруулсан байна. Гэвч энэ нь анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнгүй.

Урсгал зардлын бүтцийг харвал зээлийн хүүгийн төлбөр өндөр байгаа. Урсгал зардлын 15,4 хувийг зөвхөн зээлийн хүүнд төлөх тооцоо гарсан. Энэ нь мэдээж өнгөрсөн жилүүдэд бий болсон өр зээлийн төлбөр, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор босгосон дотоодын зах зээлд өндөр хүүтэй Засгийн газрын бонд гаргасантай холбоотой. Сүүлийн жилүүдэд бид урсгал зардлаа ч нөхөж чадахгүй, зээл, өрөөр зардлаа санхүүжүүлж ирсэн. Харин ирэх онд өндөр хүүтэй Засгийн газрын бондыг арилжааны банкуудад худалдаалахыг хумих томоохон зорилго тавьсан нь сайшаалтай.

Төсвийн зарцуулалт хийхийн тулд төсвийн орлого бүрдүүлэх ёстой. Гэтэл уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байсан өмнөх онуудтай харьцуулахад төсвийн орлого бага, төсвийн алдагдал, Засгийн газрын өр өндөр байна. Ийм нөхцөлд нийгмийн шинжтэй бодлого хэрэгжүүлэхэд хязгаарлагдмал нөхцөл бий болсон. Энэ үр дагаварыг хэн бий болгосон гэхээр зөвхөн эрх барьж байгаа хүчин биш хоёр гол нам хоёулаа.

Заримдаа иргэдийг төөртөл улс төрийн шинжтэй тоглолтууд маш их хийх юм. Үнэхээр асуудлыг шийдье гэхээр хөрөнгө нөөц дутагдалтай, нөгөө талаар одоо шүүмжлээд байгаа нам боломж байхад юу хийсэн гэдэг асуулт гарч ирж болно. Энэ олон жил төсвийн сахилга бат сахиагүй, урсгалаараа явсан, мөчлөгийн эсрэг бодлого хэрэгжүүлээгүй, олж байгаа мөнгө орлогоо хадгалаагүйн уршиг хямралын үед илэрч байна.

Сөрөг намын хэлээд байгаа зарим шүүмжлэлтэй санал нэг байна. Хэмнэх боломжтой гээд байгаа. Төсвийн хэмнэлт тодорхой хэмжээнд хийгдэж байгаа ч бас нэмж хийгдэж болох зүйлүүд ажиглагдаж байна.

Нөгөө талдаа эрэлт хэрэгцээ байнга л байна. Монгол хөгжиж байгаа улс. Иргэд, аж ахуйн нэгжид ямар нэгэн байдлаар санхүүгийн эх үүсвэр дэмжлэг, халамж хэрэгтэй. Ажлын байр бий болгох, моргейжийн зээлийг дэмжүүлэх, санхүүгийн нөөц эх үүсвэр байнга дутагддаг. Үүнийг хангахад нөөц хязгаарлагдмал.

Эдийн засаг жаахан сэргэсэн нь сайн бодлого явуулсандаа ч биш урд хөршид нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээс борлуулалт нэмэгдэж, эрдэс баялгийн зах зээлийн үнэ нэмэгдсний ачаар төлөвлөснөөс илүү орлого орж ирлээ. Зөв төлөвлөгөө гаргаад, хуримтлуулж, өмнөх өр зээл, төлбөрөө яаж дарах вэ гэдгээ бодохгүй яаж үрэх вэ гэдэгтээ илүү анхаараад байна.

Өрх айлын хувьд ч аав, ээж нь хэсэг хугацаанд туйлсан байж болно, буруугаа ойлгоод ямар ч байсан бусдад тавьсан өрөө даръя гэнэ биз дээ. Гэтэл энэ байдал алга болчихоод байна. Энэ нь нөгөө л улс төртэй холбоотой. Дахин сонгогдохоо бодно. Олдсон дээр нь гэдэг ийм хандлага ноёрхоод байна. Энэ мэт байдал нь тууштай хариуцлага хүлээх субьект, институтын тогтолцоо алга болсонтой холбоотой. Хариуцлага хүлээх этгээд алга. Тэр утгаараа манай улс дундаас урт хугацаанд сэтгэж чадахгүй болчихоод байна.

-Сонгуулийн дөрвөн жилээс цааш харж чадахаа больчихоод байна л даа. Саяхан л улс дампуурлаа гээд халаглаад байсан улс одоо болохоор төсвийн орлого төлөвлөснөөс давлаа гээд хавтгайруулсан халамж тарааж эхлэх нь?

-Гэхдээ төсвийн алдагдал нь өндөр. Найм, есөн хувьтай гарч байна. Зарим тохиолдолд урсгал зардлаа хүртэл орлогоороо нөхөж чадахгүй байна. Амьдрал үргэлжилнэ. Асуудал хэвээрээ. Зүгээр л төсвийн орлого тооцсоноос 497 тэрбумаар давсан. Түүнийг яаж зарцуулах вэ гээд хэлэлцэж байна. Аль болох зөв зарцуулах, болж өгвөл бондынхоо өрөнд нэмэрлэх талаар бодох хэрэгтэй. Тулсан хэрэгцээнүүдийг аргагүй шийдэх ёстой л доо.

Хүүхдийн мөнгө хүүхэд бүрт олгооч гэж хэн ч нэхэж шаардаагүй. Зөвхөн эмзэг хэсэгтээ л олго гээд байгаа. Багш, эмч нарын цалинг боломжийн хэмжээнд нэмэхийн оронд бүх төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэмж олгох тухай яриад байх юм?

-Дандаа улс төрийн тоглолт хийж байна. Зорилтот хэсэгтээ буюу 60 хувьдаа өг гэхээр нийтэд нь өгнө гэх жишээтэй л байна. Үүнийг хэн шаардсан юм бүү мэд.

Хүүхдийн талоны мөнгийг ядуу гэж үзлээ гээд зарим нь шүүмжлээд байна. Үгүй шүү дээ. Бүх өрх айлууд эдийн засгийн мэдлэг, мэдээлэлтэй биш. Зарим нь үрэлгэн хандлагатай. Зайлшгүй хэрэглээндээ зарцуулахгүй, буруу зарцуулах магадлалтай. Гэтэл тэр айлуудын хүүхдүүд шим тэжээлтэй хоол идээсэй, сайн сураасай гэсэн үүднээс дэмжлэг үзүүлж, хоолны талон өгдөг, туршлага олон улсад бий.

-Эсвэл жагсаал цуглаан хийгээд байгаа багш, эмч нартаа цалингийн нэмэгдэл олгохын оронд нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн тэтгэлэг олгох тухай яриад эхэлдэг?

-Энэ болгон юуг харуулж байна гэхээр богино зайд сэтгээд байна. Мэдээж манай багш, эмч нарын зарим хэсэг нь амьдралдаа түүртэж байна. Хэсэг хүмүүст нэг удаагийн биш байнгын ахиу цалин хэрэгтэй. Хэсэг хүмүүс нь ийм хэмжээний мөнгийг тоохгүй түвшинд хүрсэн байх. Тарамдсан төсвөө улам тарааж байснаас суурь асуудлаа дорвитой шийдээд, төсөвтөө ч, цалин нэмүүлэхийг хүсч байгаа талдаа ч өгөөжтэй байдлаар асуудлыг шийдмээр. Ийм боломжтой олон жилийг бид хэдийнэ алдчихсан. Уг нь өнгөрсөн жилүүдэд инфляцитайгаа уяад, бага багаар цалин нэмсэн бол 50 хувь, түүнээс дээш хэмжээгээр гэнэт нэмэх шаардлагад авталгүйгээр ийм хэмжээний нэмэгдэлд олон жилийн турш аажмаар хүрчихсэн байх учиртай.

Цаашдаа дахин алдахгүйн тулд улстөрийн гэхээсээ эдийн засгийн үр өгөөжтэй шийдвэр гаргаасай. Том зургаа хараасай. Алсыг харж сэтгээсэй гэж хүсч байна.

Тэмцэл өрнөхөөс өмнө цалин нэмэх, тэтгэвэр нэмэх асуудлыг бодлогодоо тусгасан байх учиртай. Ажлын байрны хомсдол ямар байна, инфляци, төсвийн орлого, зарлага гэх мэт макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ байнга харж байгаа шүү дээ. Тухайн жилд тэтгэвэрт гарах насны хүмүүс хэд байгаа юм, залуу ажиллах хүч хэр их байна, хэзээ хаана, хэнд ямар хэрэгцээ гарахыг ажиглаж, тооцож байх учиртай. Өмнө нь Эдийн засгийн хөгжлийн яам байсан. Энэ талаар төвлөрч ажилладаг байгууллага, байнгын судалгаа хийгээд, бодлогын суурь дата мэдээлэл өгөгдлөөр хангаад, түүндээ үндэслээд сар тутам, улирал, жил, хоёроос гурван жилийн арга хэмжээгээ төлөвлөсөх учиртай. Тэр утгаараа төсвийн хүрээний мэдэгдэл гэж уг нь байгаа. Энд ДНБ ирэх гурван жилд ямар байх юм, тэр хүрээнд төсвийн орлого, зарлага ямар байх, ДНБ-ий хэдэн хувьтай тэнцвэл төсвийн дарамт бага байх юм гээд бүх тооцоог хийх ёстой гэсэн утгаар Төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулдаг. Мөн төсвийн сахилга бат алдагдах, эсвэл мөчлөг дагасан бодлого хэрэгжүүлж яваад нэг өдөр унахаас хамгаалах зорилгоор уг нь Төсвийн тогтвортой байдлын хууль гаргасан шүү дээ. Харамсалтай нь энэ хүрээндээ ажиллаж чадахгүй, хууль эрх зүйн орчноо дагаж мөрдөж чадахгүй байна л даа.

-Үнэхээр багш, эмч нар жагсаад цалингаа нэмүүлж байгаа бол бусад салбарынхан ч цалингаа нэмүүлэхээр тэмцлийн хэлбэрийг сонгож магадгүй. Ийм тохиолдолд эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл байгаа юу?

-Бодлогын сул, уялдаагүй байдал биднийг ийм нөхцөлд авчирлаа гэдгийг би дээр хэлсэн. Нэг талдаа эрэлт хэрэгцээг ойлгож байна, том зургаа харж байгаад нарийн тооцоолол хийж, бага зэрэг нэмэх боломж байж болно. Гэхдээ шаардлага бол 50 буюу түүнээс дээш хэмжээ гэж ойлгосон. Нөгөө талдаа манай улс 2018 оны төсвийн төсөлд тусгаснаар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 80 хувьд очсон байна. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ДНБ-ний 8 хувьтай тэнцэхүйц байна. Төсөөлсөн, тооцсон орлого бүрдэхгүй бол үүнээсээ дордоно. Өр зээлээ дарах гээд мөнгө босгох гэхээр санхүү эдийн засгийн байдал хүнд үед өндөр хүү төлөх болно. Одоо эдийн засгийн байдал муу байгаа дээр хэмнэж чадахгүй, нэмээд зардал гаргачихвал нөгөө хасахтай тоонууд улам өснө. Монгол Улс хямраад бусдад төлөх ёстой өр зээлээ төлж чадахгүй дефолт болвол бид өнөөдрийнх шиг эдийн засгийн эрх чөлөөтэй амьдарч чадахгүй шүү дээ. Кипр, Грег зэрэг улсад хүмүүс нь цалингүй ажиллаж, иргэд нь АТМ-аас хязгаартай мөнгө авч байснаа сүүлдээ өөрсдийн хуримтлуулсан мөнгөө данснаасаа авч чадахгүй байдалд орж байсан. Энэ шударга ёс мөн үү. Иргэд бид бүгд нэг завин дээр буюу нэг улсад амьдарч байгаа. Бодлого боловсруулагчид шийдвэр гаргагчид иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөө хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Ажлын байр бий болгох бизнесийг дэмжих, шударга, таатай, эрүүл орчныг бий болгох нь төрийн үүрэг.

-Шийдвэр гаргагчид алсыг харахаасаа илүү сонгуулийн дөрвөн жилдээ ахиу оноо цуглуулахыг хүсч байгаа тухай ярилаа. Яаж тэднийг хариуцлагатай болгох вэ?

-Сая Төсвийн тухай хуульд зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орлоо. Жишээлбэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулах тухай заалт орсон. Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд тухайн жилийн Төсвийн тухай хууль бусад хөтөлбөр төсөв, үйл ажиллагааны төсөвтэй холбоотой баримт бичгүүд, тооцоон дээр дүн шинжилгээ, хяналт тавих, дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий бие даасан, хараат бус, есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулъя гэсэн санал орсон ч харамсалтай нь УИХ-ын чуулганаар дэмжигдсэнгүй. Мөн төсөв батлах тогтолцоог боловсронгуй болгох, өөрөөр хэлбэл, УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэн батлахдаа тодорхой төсөл хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэх бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмын өөрчлөлтийг холбогдох хуулиудад нэмэлт оруулж шийдвэрлэнэ гэсэн санал оруулжээ. Энэ мэт дэвшилтэт шинэ санаануудыг дэмжих хэрэгтэй болов уу. Ер нь Монгол Улс хууль, эрх зүйн орчны хувьд нэлээд ахисан улсын жишээнд ордог. Харамсалтай нь хэрэгжилт сул, муу.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бадамцэцэг: Өөртөө итгэлгүй, бэлгийн амьдралдаа хангалуун бус этгээд хүүхэд сонирхдог тал бий

НҮБ-ын байранд болсон “Сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах нь” үндэсний бага хурлын үеэр Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэлзүйч Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэл их цацагдах боллоо. Бага насны хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаа нь юуг харуулж байна вэ, энэ нийгэм зэрлэгшээд байна уу, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс олшроод байна уу?

-Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийг өссөн үү, буурсан уу гэдэг дээр харьцуулах суурь судалгаа байхгүй байна. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл байх ёсгүй зүйл, учир нь манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг хуулиараа бүрэн хориглосон дэлхийн цөөхөн орны нэг. Нэг тохиолдол гарсан ч олон хүн санаа зовж, ийм хэргийг дахин гаргахгүйн тулд ярилцах нь зөв л дөө.

Хүчингийн гэмт хэрэг дотор ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг бараг гуравны нэгийг нь эзэлдэг. Гэр бүлд болж байгаа асуудал зөвхөн тухайн өрхийн асуудал гэж олон нийт орхихгүй байгаасай гэдгийг энд хэлээд байгаа юм. Хүүхдийг хүчирхийлсэн гэмтэн гэр бүлийн бус гадны хүн байвал маш хурдан хуулийн байгууллагад мэдэгддэг. Ураг төрлийн хүчингийн хувьд хохирогч нь хүчирхийлэл үйлдэгчээсээ сэтгэл санааны, эдийн засгийн, хамаатан садны гэх мэтээр маш олон хамааралтай байдаг учраас нуугаад өнгөрөх нь цөөнгүй. Гэмт этгээд баригдчихвал тухайн ам бүлийн үлдэж байгаа хэдэн хүн тэжээгчээ алдахаас айдаг. Гэхдээ тэжээгч гэдгээр гэмтнийг хаацайлах ёсгүй. Магадгүй өнөөдөр хүүхэд хүчирхийлээд баригдсан хүн урьд нь удаа дараа хүүхэд хүчирхийлсэн тохиолдол байдаг. Өөртөө итгэлгүй, бэлгийн амьдралдаа хангалуун бус, магадгүй насанд хүрсэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орлоо гэхэд өөрийгөө голдог этгээд юу ч мэдэхгүй хүүхдийг сонирхдог тал бий.

Тодорхой насанд хүрэхээр хүнд бэлгийн сэрэл үүсдэг. Үүнийг ухамсар, оюунаараа зохицуулна. Хүүхэд хүчирхийлсэн этгээдүүд бусадтай зүв зүгээр харьцаад явдаг. Сэтгэцийн өвчтэй байлаа ч, гудамжинд хүний хүүхдийг барьж авахгүй л байгаа биз дээ. Энэ бол хэрэг хариуцах чадвартай, хэргээ нууцалж байна гэдэг бол эрүүл ухаантай хүний л шинж. Олон улсын судалгаа ч бий. Хэрэгтний сэтгэцийн эрүүл мэндийг оношилж, хэрэг хариуцах чадвартай эсэхийг хамгийн түрүүнд тодорхойлдог. Бага насны хүүхэд эмзэг, хүчирхийлэлд өртлөө гэхэд уйлна уу гэхээс биш өөрөөр яаж илэрхийлэх вэ.

Ийм тохиолдолд эцэг эх, ах эгч нь уйлагнаад байгаа хүүхдийн эмзэг, хэсгүүдийг нь шалгаж, шарх, шалбархай, цусны болон бусад өнгөтэй толбо, сорвийг үзэх хэрэгтэй.

-Гурван настай хүүхдийг төрсөн эцэг нь хүчирхийлсэн тухай мэдээлэл сошиалаар цацагдсан байна лээ?

-Гэр бүлд гарч байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн дараа ихэвчлэн ээжийг буруутгадаг. Гэтэл тэр ээж өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд байнгын дарамтанд байх тохиолдол олон. Хүний заяагдмал чадвар нь өөрийгөө хамгаалах байдаг. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй, хүчирхийлэл дарамтанд олон жил байсан хүн хүүхдээ хамгаалж хүчрэхгүй байгааг буруутгахад хэцүү. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэнийг мэдсэн анзаарсан хүн болгон мэдээлдэг байхаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад заасан. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй тохиолдлыг мэдсэн иргэн заавал мэдээлэх үүрэгтэй. Ялангуяа багш ажилтан, эмч, төрийн байгууллагын албан тушаалтнууд хуулиараа цагдаа, цагдаагийн ажилтан эзгүй, боломжгүй тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад заавал мэдээлэх үүрэгтэй.

-Сая дурдсан тохиолдолд ээж, гэр бүлийнхний зүгээс мэдээлэл өгөөгүй юм байна. Хүүхдийг үзсэн эмч мэдээлэл өгч, холбогдох газар нь хандсан юм билээ?

-Тэр эмч үнэхээр хариуцлагатай байна. Эмч, цэцэрлэгийн багш, хичээл зааж байгаа багш нар хүүхэд цовоо цолгиун байна уу, тусламж шаардлагатай байна уу, өвчиндөө шаналаад байна уу гэдгийг ялгаж, хүчирхийллийн шинж тэмдгийг таних нь чухал.

Хүүхэд өөрийгөө хамгаалах чадвартай болтол нь эцэг эх, хамаатан садан, багш эмч, бүх нийтээрээ хүүхдийг хамгаалах учиртай.

-Таагүй мэдээлэл ар араасаа цацагдаж, эцэг эхчүүд ч түгшиж байна. Яаж хүүхдээ энэ бүхнээс хамгаалах вэ?

-Манайд энэ талын эрх зүйн орчин хангалттай, ял шийтгэл ч чанга талдаа. Гол нь хүүхэд хүчирхийлүүлж байгааг оройтож мэдэж байна. Хүүхдийг хэлд орох цагаас нь эхлээд л эцэг эхчүүд, багш нар хүрэхүйн тухай ойлголтыг заах хэрэгтэй. Хүүхдүүдэд гэр бүлийн боловсрол, бэлгийн боловсрол, бусадтай харилцах урлаг, бэрхшээлийг даван туулах, бусдаас тусламж хүсэх талаар сургах хэрэгтэй байна. Хүүхдийг багаас нь хаана нь хэн хүрч болохгүй вэ, биед нь, эмзэг хэсэгт нь хүрч, өвтгөж, хүч хэрэглэсэн тохиолдолд хэнд хандаж болохыг ээж, аав болон багш нар заах хэрэгтэй байна. Хүүхдийг харах хүнгүй бол цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ зэрэгт заавал хамруулах хэрэгтэй.

Хүүхдийн байгууллагынхан мэргэшиж, гэр бүлийн үйлчилгээнүүд тодорхой байх учиртай.

-Ер нь хэн хүчирхийлэгч байх магадлалтай вэ? Боловсролын байдал болон зан чанарын онцлог байдаг уу?

-Хэн хүчирхийлэгч вэ гэдгийг гадаад төрх, биеэ авч яваа байдлыг нь хараад таних аргагүй. Сайхан хувцасладаг, боловсролтой, ажил дээрээ нэр хүндтэй хүмүүс, бас архичин, гудамжны зэрэг нийтээрээ жийрхдэг хүмүүс ч үйлдсэн байдаг. Хэрэг гарсны дараа хүмүүс “Тэр тэгсэн гэж үү дээ, худлаа байх” гэхээр хүн ч амьдрал дээр тохиолддог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй орчинд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгддэг. Ураг төрлийн хүчирхийллийг хойд эцэг нь үйлддэг гэсэн андуу ташаа ойлголт бий. Гэтэл сайн хойд эцгүүд зөндөө байна. Хүчирхийлэгч хэн ч байж болзошгүй учраас хүн бүр хүүхдийг хамгаалах л чухал байна.

-Бусад оронтой харьцуулахад хүчирхийллийн түвшин Монголд өндөр байдаг уу?

-Хүчирхийллийн тохиолдлууд зөвхөн Монголд ч биш хаана ч байдаг асуудал. Нэр алдартай, олны танил хүүхэд ч өртөж болно. Спорт урлагаар багаасаа хичээллэж, нэр алдарт хүрсэн охид, бүсгүйчүүд хүртэл продюссер, дасгалжуулагчийнхаа эрхшээлд автсан гадаадын тохиолдлууд яригдаж байна. Ер нь хүчирхийлэл насны хувьд, хүчний хувьд, эрх мэдлийн хувьд тэнцвэргүй харилцаа гэдэг нь харагдаж байгаа биз. Надад ч спортын шигшээ багт байдаг охин хандаж байсан. Дасгалжуулагч нь “Чиний жинд өрсөлдөгч олон байна” гээд бэлгийн сонирхлоо илэрхийлж, хүлээж авахгүй болохоор нь тухайн хүүхдийг багаас нь хасах бүх арга хэмжээг авсан тохиолдол гарсан. Хүн бүр хүүхдээ анхаарч, юу тохиолдож байгааг нь мэддэг байх учиртай.

-Та хүүхдийн хүчирхийллийн асуудлаар удаан хугацаанд ажилласан хүн. Хамгийн бага насны хохирогч нь хэдтэй байв?

-Бие махбодийн хүчирхийлэлд өртсөн зургаан сартай хүүхдийн ээж хандаж байсан. Бэлгийн хүчирхийллийн хувьд надад дөрвөн настай хүүхэд ирж байсан. Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй, айлд орхидог хүмүүс бий. Хөрш айлын 13 настай хүүд хүүхдээ орхиод аав, ээж нь ажилдаа явдаг байсан. Гэтэл хөршийн хүү дөрвөн настай хүүхдийг хүчирхийлсэн тохиолдол гарсан. Хохирогч хүүхэд уйлаад л байдаг. Залуу эцэг, эх өөрсдөө таамаглаад, мэргэжлийн сэтгэл зүйчид хандъя гээд ирсэн юм. Хүүхэд юу болсныг хэлж мэдэхгүй. Юу болсныг зурахыг хүсэхэд цаасан дээр ор зураад хоёр толгой давхралдсан байдлаар зурсан юм. 13-тай хүүхэд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Хэрэг хариуцах чадамжгүй учраас хэрэгсэхгүй болоод өнгөрсөн. Гэр бүлийн амьдралын замбараагүй байдал бэлгийн бойжилт нь явагдаж байгаа хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Хүүхдийнхээ дэргэд сексийн харилцаа үүсгэдэг аав ээжүүд байна. Тэрийг хараад бэлгийн бойжилт нь дөнгөж эхэлж байгаа хүүхэд сонирхдог. Зурагт, интернэтээр замбараагүй мэдээлэл цацагдаж байна. Үүнээс суралцдаг. Хэзээ ч өөрт нь байгаагүй мэдрэмж төрөхөд үзчихвэл яах бол гэсэн сонирхлоор насанд хүрээгүй хүүхдүүд ийм хэрэг үйлдэж байна.

-Хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан 13 настай хүүхдийг буруутгах хандлага ч гарсан. Ер нь эмэгтэй л бол хохирогчдыг буруутгах хандлага ажиглагдах юм. Хүүхэд гэнэднэ шүү дээ?

-Гэмт хэрэг гарсан газар зочид буудал. Олон хүн хамрагдсан болохоор хэргээс хуурай гарах гэсэн оролдлогууд байна. Хүчингийн гэмт хэрэг гэдэг хүч хэрэглэсэн л гэсэн утгатай. Хүч хэрэглэхээс гадна хууран мэхлэлт, итгэл эвдэх асуудал байжээ. Өөрийнх нь хувьд, хамгийн хэрэгтэй, үнэ цэнэтэй зүйлийг нь булаагаад авчихаар хүүхэд түүнийхээ араас явна. Хүүхдийн анхдагч хэрэгцээ нь утсаа тэр хүнээс салгаж авах байж. Дээр нь хэрэгтэн танихгүй хүн биш. хөршийнх нь ах байсан. Магадгүй энийг уучихвал чамайг явуулна гэх мэт яриа, тохироо байсан ч байж болзошгүй. Ер нь тийм юм болдог. Тэгэхээр охиноос хүч хэрэглэж утсыг нь булаангуут хойноос нь дагаж ирнэ гэдгийг тооцоолж, ирэхээр нь хуураад буудалд ороод согтоож, хүслээ гүйцээнэ гэсэн тактикийг гэмт хэрэгтнүүд аль хэдийнээ бодож олсон хэрэг биз дээ. Иймээс хүчингийн гэмт хэргийн хохирогчийг буруутгах хэрэггүй.

-Хүүхэд хохироход хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд юу хийж байна вэ гэсэн асуудал хөндөгддөг. Энэ хэргүүд дээр ямар оролцоотой байгаа вэ?

-Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв ажилладгийг хүмүүс мэднэ. Түүний дэргэд яаралтай тусламж үзүүлэх, хамгаалах байр ажиллаж байгаа. Хүүхдийн байгууллагад мэдээлэл ирсэн л бол яаралтай тусламж үзүүлэх боломж бүрдсэн. Хэрэг гарсан хойно хүүхдийн байгууллага яачихав гээд байдаг. Мэдээлэл чухал. Урьдчилан сэргийлэх ажлыг хороо суманд ажиллаж байгаа хамтарсан баг хийх үүрэгтэй. Мөн аймаг дүүрэг бүрт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс ажиллаж байна. Мөн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх хүүхдийн ТББ-уудад хандаж болно. Хамгийн гол нь мэдээлэл чухал, бас урьдчилан сэргийлэх ажлын үр дүн айл бүрт, сургуулийн анги бүрт хүрдэг байх юм бол хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурна.

Таван настай хүүхэд хүчирхийлэлд өртсөн өртөөгүй гэж яригдаад байна. Бэлгийн зорилгоор хүүхдийн хувцсыг тайлаад биед нь хүрсэн л бол хүчингийн хэрэг үйлдэгдсэн гэсэн үг. Заавал онгон хальс урагдсны дараа хүчин юм байна, хүрчихээгүй, хөндчихөөгүй юм байна гэж эргэлзэх хэрэггүй.

-Сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах тухай ярьж байна. Хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхэд багш нар, нийгмийн ажилтнууд юу хийж чадах вэ, ээж аав нарт хэн зөвлөх вэ?

-Энэ асуудал зөвхөн өнөөдөр яригдаж байгаа юм биш. Хүүхдийн эрхийн байгууллагууд олон жил ярьсан. Хүүхэд хамгийн их хугацааг боловсролын орчинд өнгөрүүлдэг. Хүүхэдтэй хэн ажиллаж байна гэхээр сургууль, цэцэрлэгийн багш нар. Багш нарын ойлголт мэдлэгээр дамжаад хүчирхийллийг таньж, өөрийгөө хамгаалах мэдлэг олгох тухай яригдана. Хүчийг дийлэхгүй ч хүнд дуулгах, хүчирхийллийг эсэргүүцэх, найздаа туслах гэх мэт нас насандаа өөрийгөө хамгаалах чадварыг хүүхдэд эзэмшүүлж болно.

Багш өөрөө хүчирхийлэл үйлддэггүй байх талаар ч яригдаж байна. Энэ хурлыг зохион байгуулагч байгууллагууд сургуулийн орчин дахь хүчирхийллийн асуудлаар судалгаа хийжээ. Өсвөр насны хүүхдүүд үерхэж, болзоонд явдаг. Болзооны үеэр бэлгийн харьцаанд орох санал тавих нь байж болох зүйл гэж судалгаанд оролцсон хөвгүүдийн 40 хувь нь хариулсан бол охидын 37 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Мэдэхгүй хүн эрсдэл рүү алхаж ороход маш амархан. Багш нар ч хүүхдийг зодож болно гэж хэлээгүй ч “Хэлээд ойлгохгүй бол би яах юм бэ” гэж байна. Яахыгаа мэдэхгүй байгаа хүн чаддагаараа зодох, доромжлох, сэтгэл санааны болон бие махбодийн шийтгэл үзүүлэх, ангиас хөөж гаргах гэх мэт аргыг хэрэглэнэ. Гэтэл энэ нь хуулиар хориотой. Гэхдээ багш нарыг буруутгах гэсэн юм биш. Сахилгагүй хүүхдийг яах вэ гэхээр та хүмүүжлийнхээ аргыг өөрчил гэж дэлхий нийтийн шинэ хандлага онол гарч ирсэн, үүнийг “Хүмүүжлийн эерэг арга”гэж нэрлэж байна. Үүнийг багш бэлтгэдэг сургуулиудад хөтөлбөр болгож оруулж болно шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

З.Өнөржаргал:Ажлын байрны хаалгыг зөвхөн гаднаас нь онгойлгохоор кодолсон аж ахуйн нэгж таарсан

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ахлах референт З.Өнөржаргалтай хөдөлмөрлөх эрхийн асуудлаар ярилцлаа. Хүний эрхийн үндэсний комисс Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хувийн хэвшил, тэр дундаа жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа хийж, шийдвэр гаргагчдад санал хүргүүлсэн юм.

-Монголчууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхийн зах зээлд гаргах тухай ярьж байгаа. Ингэхийн тулд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сахих шаардлагатай юу?

-Монголын эдийн засаг дэлхийн зах зээлд, ялангуяа Европын холбоо, АНУ зэрэг худалдааны гол түншүүдтэй худалдаа, хөрөнгө оруулалтыг чөлөөлөх нөхцөл тогтоосноор олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэх нь гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг татах гол хүчин зүйл болоод байгаа юм.

Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гурван талт хэлэлцээний үр дүнд бий болсон буюу Засгийн газар, ажилчид, ажил олгогчдын төлөөллийг оролцуулан боловсруулсан эрх зүйн баримт бичиг юм. Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан учраас дагаж мөрдөх үүргийг олон улсын өмнө хүлээж байгаа. Тиймээс худалдааны түншүүдтэй хамтран ажиллахдаа олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг сахиж мөрдөх нь олон улсын зах зээлд нэвтрэх үндсэн нөхцөл болж, дотоодын бүтээгдэхүүн үйлчилгээг дэлхийн зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт нь ажилчдын боловсрол, ур чадвар, тогтвор суурьшил, хөдөлмөрийн бүтээмжид голлон суурилдаг. Эдгээр нь эргээд хөдөлмөрийн нөхцөл, хэм хэмжээнээс шууд хамаарах юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас Монгол Улсад олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэгжүүлэхдээ нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн талаар судалгаа, дүн шинжилгээг тогтмол хийж, шаардлагатай санхүүжилт хуваарилах талаар зөвлөсөн байдаг.

-ХЭҮК-т хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдол их ирдэг үү?

-Хүний эрхийн Үндэсний Комисс нь Улсын Их Хуралд өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 удаагийн илтгэлдээ хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын талаар хөндсөн.

Шүүхийн шийдвэрийн статистик мэдээнээс үзэхэд иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрлэсэн хэрэг маргааны дотор Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг маргаан сүүлийн жилүүдэд тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхээр 2008-2016 онд Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн 10430 маргааны 59.7 хувь нь ажлаас үндэслэлгүй халагдсан, 26.4 хувь нь цалин хөлсний маргаан эзэлж байна. Мөн манай байгууллагад хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа асуудлаар багагүй гомдол ирж байна. Тухайлбал, Хүний эрхийн Үндэсний Комисст 2008-2016 онд нийт 177 гомдол ирснээс 27 хувь нь ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, 14 хувь нь ажилд эгүүлэн томилохтой холбоотой шүүхийн шийдвэр биелэхгүй байгаа, 6 хувь нь ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэр биелэсэн ч дахин ажлаас халагдсан тухай, үлдсэн хувь нь цалин хөлс, тэтгэмж, нийгмийн даатгалын шимтгэл, ажлын байран дахь дарамт зэрэг асуудлаар хандсан.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрлөх эрх хэр их зөрчигдөж байна вэ?

-Хүний эрхийн Үндэсний Комисс 2017 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын техникийн дэмжлэгтэйгээр “Карьер хөгжлийн хүрээлэн” Төрийн бус байгууллагатай хамтран хувийн хэвшлийн салбараас төлөөлүүлэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, албадан хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаан дахь бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг зогсоох гэсэн дөрвөн суурь зарчмын хүрээнд судалсан.

Судалгаанд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг худалдаа үйлчилгээний 59, ноос ноолуурын чиглэлийн 19, нийт 78 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-ын 1750 ажилтан, ажил олгогчдыг хамруулсан юм.

Судалгаанд оролцсон 1577 ажилтны 1089 буюу 69 хувь нь худалдаа үйлчилгээний, 488 буюу 31 хувь нь ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-ын ажилтнууд бөгөөд тэдгээрийн 27 хувь нь эрэгтэй, 73 хувь нь эмэгтэй байна.

-Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт албадан хөдөлмөр эрхлэлт байна гэж үзсэн байна лээ. Ямар тохиолдолд албадан хөдөлмөр эрхлэлт болох вэ?

Албадан хөдөлмөр нь хувь хүний эрх чөлөө, эрхэм чанарыг үгүйсгэж байгаагаараа хүний үндсэн эрхийн зөрчил юм.

Албадан хөдөлмөрийн хэлбэрт сайн дурын үндсэн дээр ажиллахгүй байх, айлган сүрдүүлэх, дарамт шахалт үзүүлэх, эмзэг байдлыг буруугаар ашиглах, хуурч мэхлэх, өрийн барьцаа төлөөс болгох, ажилтны бичиг баримтыг барьцаалах, цалин хөлс олгохгүй байх, ажиллаж, амьдрахад хортой хүнд нөхцөл, илүү цагаар ажиллуулах зэрэг хамаардаг. Тухайн нөхцөл байдалд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь эсвэл хэд хэдэн шинж тэмдэг нэгэн зэрэг илэрвэл албадан хөдөлмөр гэж тодорхойлж болно.

Тухайн ажлын мөн чанар нь бус харин түүнийг гүйцэтгэж, гүйцэтгүүлж буй хүмүүсийн хоорондын харилцаа албадан хөдөлмөрийг бий болгодог. Түүнчлэн дотоодын хууль тогтоомжийн дагуу хууль ёсны гэж үзэх ердийн ажил үүргийг зөвшөөрөлгүйгээр, эсвэл шийтгэлээр сүрдүүлж гүйцэтгүүлсэн бол албадан хөдөлмөрт тооцно. Албадан хөдөлмөрийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орсон, цалин хөлсийг бүрэн ба хэсэгчлэн төлсөн эсэхээс үл хамааран өргөн хүрээнд ойлгоно.

Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрийн салбарт албадан хөдөлмөрийн хэлбэр илэрч байна. Тухайлбал, зарим ААНБ-ын хөдөлмөрийн гэрээнд ажилтан өөрийн боловсролыг гэрчлэх бичиг баримт, мэргэжлийн үнэмлэх зэргийг заавал ажил олгогчид хадгалуулах тухай заасан байна. Гэтэл судалгаанд оролцогчдын 41 хувь бичиг баримт барьцаалдаг гэж хариулсан байна.

Мөн сүлжээ дэлгүүрүүдэд цалин хөлс, өрөөр барьцаалах тохиолдол байгааг хэлж байна. Ажлын байрны хаалгыг зөвхөн гаднаас нь онгойлгож болдог байдлаар цоожилж, кодолсон ААНБ тохиолдсон нь ажлын байранд хязгаарлалт тогтоосон нэг хэлбэр юм.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хүүхэд ажиллаж байгаа хэрэг үү?

-Судалгаагаар жижиг, дунд үйлдвэрийн салбарт хүүхдийн хөдөлмөр өндөр хувьтай илрээгүй ч тодорхой хэмжээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хөндөгдөж байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 1.4 хувь нь 15-аас доош насны ажилтнууд байдаг, 4.6 хувь нь 16-17 насны ажилтнууд байдаг гэж хариулсан бол ажил олгогчид 15-аас доош насны ажилтан байхгүй, харин 16-17 насны ажилтан байдаг гэж 9.1 хувь нь хариулсан байна.

Харин экспертийн ярилцлагаар Орхон аймагт аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газраас 2016 онд 36 ААНБ-д үзлэг шалгалт хийхэд хоол үйлдвэрлэл, гэр хорооллын дэлгүүр, хүнсний захад 16 хүүхэд ажиллаж байсныг илрүүлсэн талаар хэлж байсан.

Ажлын байранд нь ямар нэгэн хэлбэрээр дарамт шахалт үзүүлж, ялгаварлан гадуурхах үзэгдэл илэрч байв уу?

-Ажлын байран дахь дарамт, ялгаварлан гадуурхалт ямар хэлбэрээр илэрч байгааг бид тодруулсан. Судалгаанд оролцогчдын 12.2 хувь нь хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжилдэг, 11 хувь нь хэл амаар доромжилдог, 9.6 хувь нь албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, 7.3 хувь нь ажлын байрны тодорхойлтод зааснаас өөр ажил гүйцэтгүүлдэг гэсэн байв. Эрхэлсэн ажил, албан тушаалаар ялгаварладаг гэж 5.5 хувь нь, боловсрол, нийгмийн гарал байдлаар ялгаварладаг гэж 2.5 хувь нь, биеийн гадаад байдал, эрүүл мэндээр ялгаварлаж харилцдаг гэж 2.3 хувь нь хариулжээ.

Салбараар авч үзвэл худалдаа үйлчилгээний салбарынхан хийсэн ажлыг үндэслэлгүйгээр шүүмжлэх, загнах, хэл үгээр доромжлох, хараах зэрэг тохиолдол их гардаг гэж үзжээ. Харин ноос ноолуурын салбарын оролцогчдын албан бусаар илүү цагаар ажиллуулдаг, ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил үүрэг гүйцэтгүүлдэг гэсэн хариулт худалдаа үйлчилгээний салбарынхнаас даруй 1.6-3.6 пунктээр өндөр байна.

Мөн хүйсийн хувьд эмэгтэйчүүд, насны хувьд 18-30 насны залуучууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүүтэйгээр дарамтад өртдөг байна. Ялангуяа ажилтныг ажилд авахад ялгаварлан гадуурхалт илүүтэй тохиолддог бөгөөд үүнд насаар болон хүйсээр ялгаварлах байдал хамгийн өндөр хувьтай байна.

-Шинэ ажилтныг туршилтын хугацаагаар ажиллуулж, цалин хөлс өгөхгүй бол Хөдөлмөрийн хуулиар торгох болсон байх аа?

-Бидний авсан судалгаанд оролцсон 1577 ажилтны 7 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байгаа гэсэн бол 30.4 хувь нь хөдөлмөрийн гэрээний нэг хувийг аваагүй байна. Харин ажил олгогчдын 59.7 хувь нь ажилтнууддаа хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгдөг, 16.1 хувь нь өгдөггүй, 4.8 хувь нь заримдаа өгдөг хэмээн хариулсан байлаа. Мөн анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, туршилтын хугацаагаар ажиллуулаад цалин хөлс олгодоггүй зөрчил гарч байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 12.4 хувь нь 14 хүртэл хоногоор гэрээ байгуулалгүй ажилласан гэж хариулсан байна. Хөдөлмөрийн тухай хуульд 2017 оны 4 сард туршилтын хугацаа, дагалдан, цагаар ажиллах зохицуулалтыг бий болгосон нь хөдөлмөрийн гэрээгүй ажиллах зөрчлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөж байгаа Зөрчлийн тухай хуульд Хөдөлмөрийн тухай хууль зөрчих ялгангуяа хүнийг ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн иргэнийг ажилд авсан тушаал гаргаагүй, нийгмийн даатгалын дэвтэр нээгээгүй, эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээгээгүй, нийгмийн даатгалын, эсхүл эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийж баталгаажуулаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүн, хуулийн этгээдэд торгууль оногдуулахаар зохицуулсан.

Зөрчил гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон Зөрчлийн тухай хуульд заасан үйлдэл эс үйлдэхүйг хэлнэ. Өөрөөр хэлбэл зөрчил нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-д илүү цагаар ажиллах нь түгээмэл байна. Судалгаанд оролцогчдын 55.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг, 18.8 хувь нь 31-40 цаг ажилладаг гэсэн байна. Мөн сард 360 цаг ажиллаж, 7 хоногт 90 цагаар ажиллах тохиолдол гарч байна. Судалгаанд оролцогч ноос ноолуурын жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ААНБ-д ажиллагсдын 60.5 хувь нь долоо хоногт 40-өөс дээш цаг ажилладаг гэж хариулсан бөгөөд судалгаанд оролцогчид дийлэнх нь “Энэ тохиолдолд илүү цагийн цалин хөлс олгодоггүй” гэжээ.

Тухайлбал ажилтныг хуульд заасан илүү цагаар ажиллуулах хязгаарлалтыг зөрчиж илүү цагаар ажиллуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм.

-Таны хэлсэнчлэн илүү цагаар ажиллуулсан, илүү цагийн мөнгө өгдөггүй гэх мэт гомдлыг хаана гаргах ёстой вэ?

-Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын улсын байцаагчид (хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч) нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөнтэй холбоотой гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ.

-Энэ бүх зөрчлийг арилгахын тулд хэрхэх вэ?

-Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдлын талаар тусгаж, одоогийн хөдөлмөрийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан Хөдөлмөрийн тухай болон Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулиудыг шинэчлэх саналыг шийдвэр гаргагчдад хүргүүлсэн.

Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны тайлан үр дүнгийн талаар холбогдох талуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Судалгааны үр дүнд гаргасан санал зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох яамд, (Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам) ажил олгогч, (Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо) ажилтнуудын төлөөллийн байгууллагуудтай (Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо) хамтарч ажиллахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Наранцогт: Бидэнд боломжит олборлолт хийх газар өгөөч, бид төртэй хамтарч орон нутгаа хамгаалъя гэж бичил уурхай эрхлэгчид хүсч байна

Бичил уурхайчдын нэгдсэн Дээвэр холбооны тэргүүн Б.Наранцогт ХЭҮК-ийн дэргэдэх Хүний эрхийн төлөө сэтгүүлчдийн клубийнхэнд мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр ийнхүү ярилаа. “Бичил уурхай гэхээр хүмүүс түмпэн барьсан нинжа гэж төсөөлдөг. Замбараагүй зэрлэг улсууд гэж ойлгодог. Бид Бичил уурхайн анхны журам гарсанаас хойш арван жилийн хугацаанд орон нутгийн иргэдийг нутагтаа газрын баялагаас хүртэх боломж олгох, нутгийн иргэд эвлэлдэн нэгдсэнээр орон нутагт өрнөж байгаа хууль бус үйл ажиллагаанаас хамгаалахад анхаарч ирлээ. Орон нутагт ажлын байр байхгүй байна. Өнөөдөр сум орон нутгийн удирдлагууд энэ хэдэн хүний газрын асуудлыг шийдчихвэл надаас ажил нэхэж орж ирээд байдаггүй юм. Гайгүй жаахан юм олоод байвал суманд татвар төлж, хэдэн цаас бөөгнүүлээд өгчихдөг юм. Ядахдаа морины бай ч болсон даачихдаг юм. Надаас мөнгө нэхэхгүй харин ч тус болдог юм гэдэг үүднээс ханддаг. Харин олон нийт, Улаанбаатарынхан бол эд нар зэрлэг гарууд гэж ойлгодог.

Энэ уур амьсгалыг өөрчлөх гэж Бичил уурхайчдын нэгдсэн Дээвэр холбоо 2013 оноос хойш ажиллаж, орон нутгийн иргэдийн ажлын байр, хамтарч ажиллах баг байгуулах тал дээр ажиллалаа. Улсын хэмжээнд 15 аймгийн 45 суманд 70 төрийн бус байгууллага байгуулагдсан. Сая тавдугаар сарын 24-нд гарсан Бичил уурхай эрхлэх шинэ журмын хүрээнд тамга тэмдэгтэй нөхөрлөл хоршоод байгуулагдаад, манайхтай хамтарч ажиллаж, гишүүнээр элсч байгаа.

Бид бичил уурхайг юу гэж харж байна гэхээр Монгол Улсын иргэн хөдөө орон нутагт зүй зохистой олборлож, тэндээсээ дараагийн ажлын байр, орлогын эх үүсвэр бий болгох, тухайн газрынхаа нөхөн сэргээлтийг хийж, өөрсдөөрөө бахархаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа.

Хүний эрхийн үндэсний комисстой бид багагүй хугацаанд хамтарч ажилласан. Очсон газартаа хүний эрхийн сургалтууд хийдэг.

Бичил уурхай гэдэг нэрийн дор нинжа эсвэл хувиараа ашигт малтмал олборлогчид бүгд нуугдчихаад байгаа. Бид сүүлийн арван жил төрөөс юу шаардсан гэхээр бидэнд боломжит олборлолт хийх газрын эрх өгөөч. Бид төртэйгээ хамтраад орон нутгаа хамгаалъя. Бид тэндээ ажиллаж бусад газрыг хамгаалъя, нөхөн сэргээлт хийе гэж хүсч байгаа. Хуулиар энэ асуудал бүрхэг байна. 2015 онд байна уу даа UPR Засгийн газарт 10 зөвлөмж өгсөн. Гурав нь Засгийн газарт үүрэг болж ирсэн. Хүүхдийн хөдөлмөрийг тэвчих, Ашигт малтмалын хуулинд бараг л ашиглаж болохгүй хаягдал газарт бичил уурхай эрхлэгчдийг оруулж болох заалт бий. Тэр нь үндсэндээ том техникээр олборлоод дуусчихсан үлдэгдэл дээр түмпэн бариад ажилла гэсэн үг. Энэ заалтыг бас засах зөвлөмж өгсөн байгаа. Тэр гурван зөвлөмжийн хүрээнд Засгийн газарт бид шахалт үзүүлж байгаа л даа.

Ашигт малтмалын хуульд гадны нэг байгууллага дүн шинжилгээ хийж байгаа юм билээ.

Замбараагүй олборлож байгаа нинжа, том техниктэйгээр бичил уурхай гэдэг нэрийн дор яваад байгаа улсуудыг хянах систем бол тухайн орон нутгийн иргэд юм. Тэр улсуудад боломжит газрын эрхийг өгөөд, та нар ийм хүчин чадалтай, ийм ийм байдлаар олборлолт явуулаад, нөхөн сэргээ гэдэг эрхийг өгчих юм бол тэдэнд үүрэг хүлээлгэх боломжтой.

Ямар үүрэг гэхээр бусад эрүүл газрыг хамгаалах, хэн нь ч мэдэгдэхгүй олборлолт хийгээд бужигнаад байгаа улсуудад хяналт тавих болно. Манай орон нутгийн төрийн бус байгууллагууд ийм боломж бидэнд бий гэж үздэг. Зөвхөн үүрэг хүлээгээд явахаар бид эрхээ алдчихаад байна.

Юу гэсэн үг вэ гэхээр боломжтой газар хүмүүс ороод алт ухаад байдаг. Тэгэхэд манайхан “Бид хариуцлагатай бичил уурхай эрхэлдэг учраас энэ газарт орох ёстой гэсэн цагт нь орно” гээд хараад суудаг. Тэгэнгүүт бусдад нь хэн ч арга хэмжээ авдаггүй, ямар ч зохицуулалт хийдэггүй. Нөгөө газрыг нь улсууд ухаж дуусаад яваад өгдөг. Дараа нь манай улсуудад “Энэ танай бужигнуулсан газар” гэх жишээтэй. Ийм байдалд хүрдэг. 2017 оны тавдугаар сарын 24-ний 151дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхай эрхлэх журам гарсан. Энэ журам анх 2008 онд Түр журам нэртэй гарч шинэчлэгдээд явж байна.

Энэ журамд нэлээд сайн заалтууд оруулсан. Өнгөрсөн арван жилийн хугацаанд бичил уурхай эрхлэхэд боломжгүй байсан бүх процессуудыг зассан. Гэхдээ өнөөдөр хэрэгжүүлэх явцад бас зөрчил гарч эхэлж л байна. Энэ нь том зөрчил биш хуулийн хэллэг жишээ нь сумын дарга юу гэж ойлгодог юм, хоёр ижил сум байхад хоёр өөрөөр ойлгоод хоёр аймаг өөр өөрөөр ойлгох заалт бий. Үүнийг залруулж болно.

Бичил уурхайчид олон улсын байгууллагатай хамтарч 110 га-гийн нөхөн сэргээлт, өөрсдийн санхүүжитээр 107 га-гийн нөхөн сэргээлт хийсэн. Бодитой хүлээлгэж өгсөн газрууд ийм. Зарим газруудыг орон нутгийн удирдлага нь хүлээж авдаггүй. Нөхөн сэргээлт хийгээд “Энэ газраа хүлээлгэж өгье” гэхээр авахгүй. Сүүлийн журмаар комисс байгуулж хүлээж авна гэж заасан байгаа. Авсан ч нөгөө газрыг нь дахиад өөр хүмүүс очоод ухчихдаг жишээ бий. Манай улсууд бол нөхөн сэргээлт хийсэн газраа ухуулдаггүй. Суманд хүлээлгээд өгчихөөр сум нь хамгаалж чадахгүй алдчихдаг учраас сум хүлээж авдаггүй. Өө тэгээд байж бай тар нар гэдэг. БОЯ дээр тэр 400-гаад га газрын мэдээлэл ирээгүй байдаг. Орон нутаг актаар хүлээгээд авчихсан газрууд шүү дээ. БОЯ дээр бичил уурхайчид нөхөн сэргээсэн талбай гэсэн мэдээлэл ирээгүй байдаг хэмээн тэрбээр тайлбарласан юм. Түүнээс зарим зүйлийг тодруулав.

-Та ямар мэргэжлийн хүн бэ?

-Манай аав нягтлан хүн байсан. Би бол хоёр жилийн өмнө Эдийн засгийн үндэсний дээд сургуулийг төгссөн.

-Та яаж яваад нинжа болчихов?

-Би энэ салбарт хориод жил явлаа. Эхлээд орон нутагт байгаа мөнгө олох боломжийг л ашиглахыг хүссэн. Алтанд явж үзсэн. Улсуудын нөхцөл байдал ч хүнд байлаа. 2002 он гэхэд Төв аймгийн Борнуур суманд олон хүн эрсдээд эхлэхээр эдний төлөө явахгүй бол болохгүй юм байна гэж бодсон. Нэг хад унах гээд байхад “Энэ хад унаж хүн дарж ална шүү” гэж ярьсаар байж дор нь очиж сууж байгаад эрсэдсэн тохиолдол бий. Бид хамтдаа хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарсан. Хүдэр баяжуулдаг тээрэм 2000 оноос эрхэлж ирсэн юм. 2004 оноос ганц ганцаараа бус тав, зургуулаа нийлж ажилладаг болсон. Үүнээс хойш эндэгдэл гараагүй. 2007 он гэхэд багаар ажиллахын давуу талыг ойлгож эхэлсэн. Бичил уурхайчдын холбоог Борнуур суманд байгуулсан. Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн санхүүжилтээр бид энэ улсуудыг нэгтгэж ажиллаж чадсан юм. Одоо санхүүжилтгүй байсан ч цаашаа явах боломж бий.

Би Монголыг тойроод 13 мянган км явсан. Бүх л бичил уурхайн жалга гуу болгонд очиж байлаа. 2013 онд энэ холбоог байгуулах гээд очиход Увс аймагт нэг жалганд 280 хүн ажиллаж байсан. Жалга тэр аяараа бужигнаж байлаа. Биднийг унаанаас буухад нэг хүн “Өө, дарга нар ирчихсэн байна” гэж билээ. Бүх моторууд нь унтраад бүх хүн эгнээд жагссан. Зурагтаар өөрсдийг нь өмөөрч ярьж байсан учраас “Эд бидний дарга” гээд ойлгочихсон байлаа. Хаврын тарчиг цагт хувинтай хоормог бариад, мах чанаад бөөн юм болсон. Ажлаа зогсоогоод бидний ярихыг сонсч байлаа. Энэ бол зохион байгуулалтанд орох шаардлага хэрэгцээ бий болчихсон байсан гэсэн үг. Бид ийм байдлаар цаашдаа явж болохгүй гэж хүн болгон ойлгосон байв. Энэ улсуудыг яаж хамгаалах вэ гэж өнөөг хүртэл явж ирсэн. Би Борнуурын ХАМО компанийн захирал. Тухайн үеийн Бичил уурхай эрхлэх журманд орсон хувираа ашигт малтмал олборлогч гэсэн үгийн товчлолоор компаниа нэрлэсэн юм.

-Хувиараа алт олборлож байхад түүхэн дурсгал тааралддаг уу?

-Манайханд тийм тохиолдол нэг их таарч байгаагүй. Түүхэн дурсгалт газруудаар олборлолт хийх асуудалд нэлээд болгоомжтой ханддаг. Сая Ноён уулын хэрэг явдлаас болоод энэ асуудал нэлээд сайн яригдсан. Р.Жигжид сайдтай Ноён ууланд очиж байлаа. Наана нь хамгаалалт тавьчихсан, цаагуур нь дүүрэн машин бужигнаад байсан. Тэр бол үнэндээ захиалгат ажил байсан шүү дээ. Хүмүүс дуудаж бужигнуулчихаад, наагуур нь хамгаалалт тавьчихаад, яамны сайдыг урьж аваачиж үзүүлж байгаа юм. Бидэнд өгөхгүй бол ингээд дууслаа л гэж байгаа юм. Шийдвэр гарангуут маргааш нь тийшээ нэг ч хүн оруулахаа больчихсон. Тэгэхэд тийм л үйл явдал болж байсан.

-Танай холбоонд нэгдсэн хүмүүс хор багатай технологи хэрэглэж чаддаг уу, аюулгүй байдлаа хэрхэн хангаж байна?

-Манай гишүүд холбоонд нэгдээгүй бусад улсуудыг бодвол эрхээ хамгаалах талаар мэдлэгтэй. Сум орон нутгийн засаг захиргаанаас юу шаардах эрхтэй гэдгээ мэддэг.

Бид сүүлийн арваад жил журам сайжруулахаар төртэй хэлэлцлээ. Тавдугаар сарын 24-ний 151 дүгээр тогтоолоор журмыг шинэчилсэн. Бичил уурхай эрхлэх журмын хүрээнд 3500 м куб-ээс дээш хөдөлгүүр ашиглахыг хориглоно гэсэн гэж заасан. Орон нутгийн иргэд уурхайнууд шиг том том техник ашиглахгүйгээр ажиллана. Орон нутгийн иргэд нөхөн сэргээлт хийхдээ сэтгэлтэй ханддаг. Нутгаа мэддэг, нутагтаа ургадаг ургамалын үрийг түүгээд, баяжуулаад намартаа цацаж орхидог учраас эргээд унаган төрхөндөө орохдоо хурдан.

Өнөөдөр манай гишүүн байгууллагуудад газар олгох механизм бий болсон. Бичил уурхайнуудад зориулж гаргасан газрууд байдаг. Яг тэр газартаа хариуцлагатай ажиллаж байгаа нь цөөхөн. Тухайн орон нутгийн удирдлагууд компаниудаар нөхөн сэргээлт хийлгэх нэрээр газрыг дор нь ухаад ухаад хаячихдаг. Байгаль орчны яамнаас нөхөн сэргээлт хийх эрх өгдөг. Хоёр экскаватор, хоёр гурван ачааны машинтай, эрх авсан олборлолтын компаниуд шинээр нэмэгдээд байгаа болохоос үнэндээ байгаль орчныг унаган төрхөнд нь оруулая гэж байгаа нь цөөн. Манай төрийн бус байгууллагынхан тэднийг бодвол нутагтаа насаараа амьдрах учраас нөхөн сэргээлт хийхдээ сэтгэл нь ч ондоо.

-Нөхөн сэргээлт хийсэн газар руу чинь эргээд нинжа нар орж байна гэлээ. Араас нь хүн орох боломжгүйгээр гүйцэт олборлох технологийн боломж байгаа юу?

-Технологийн боломж байгаа, бичил уурхай эрхлэгчдэд тийм эрх өгөхгүй байна. Ухаж болохгүй, нөхөн сэргээ гэдэг. Нөгөө талдаа эрх бүхий компанийг ухаад нөхөн сэргээ гэсэн хоёр ондоо шаардлага тавьдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Дулаан, цахилгаанаа жорлонгоосоо “үйлдвэрлэчихдэг” зургаан давхар орон сууцтай Сиатлд танилцсан

Related image

Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” ном бичжээ. “Ногоон нүдэн лам”, “Миний ажлын ноу хау”, “Гэрт болсон яриа” зэрэг олон бестселлер номын зохиолч тэрбээр хэсэг сэтгүүлч, эрдэмтдийн урилгаар жорлонгийн хувьсгал, шинэхэн номынхоо тухай ярьсан юм. “Жорлонгоо өөрчилье” номын нээлтийг Дэлхийн жорлонгийн өдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд хийхээр төлөвлөжээ.


-Та жорлон ярьдаг сайд, бас УИХ-ын гишүүн байлаа. Яагаад жорлонг судалж эхэлсэн бэ?
-Соёл, спорт, аялал жуулчлалын сайд болоод Монголд сая жуулчин авчирна гэж мөрөөдсөн юм. Эхлээд өөрөө жуулчин болж, жуулчдын аялах сонирхолтой газруудаар мөнгөө төлөөд, амарч эхэлсэн. Манайханд ор хөнжил, халаалт, хоол, жорлон гээд олон түвэгтэй асуудал байлаа. Хамгийн гол нь хээр бие засч чаддаггүй хүмүүс ирэхэд сая жуулчин авчрах мөрөөдөл маань жорлонгоос болоод унтраад болдоггүй. Би сайд байхдаа Аялал жуулчлалын үндэсний төвийнхөнд үүрэг өгсөн юм. “Та нар жорлон судлаад, бүх явган аяллын маршрут, хээрийн аяллын газруудад тохиромжтой жорлонгийн зураг төсөл авчирч, жорлон хий” гэлээ. Үүрэг авсан нөхөд жил алга болов. “Жорлон юу болж байна” гэхээр “Зөндөө олон юм байна. Судалж барахгүй байна” гэцгээдэг. Сүүлдээ би өөрөө хүч хавсраад, судалж эхэллээ. Янз бүрийн жорлон байдаг юм билээ. Үнэтэй, хямд шийдэлтэй ч байна. Ихэнх нь халуун оронд зориулагджээ. Улсын төсвөөр ажилладаг, мөнгөгүй шахуу ганц байгууллага ард нь гарч чадахааргүй технологийн шийдлийн асуудлууд тулгарлаа. Тэр байгууллагыг маань ч удахгүй татан буулгачихлаа. Яам маань ч татан буугдлаа. Би ч амар сайхандаа жаргав.
Чөлөөт гишүүн болсныхоо дараа Хог хаягдлын тухай хууль боловсруулахаар Монголынхоо бүх л хог хаягдал овоорсон газруудаар явлаа. Тойргийнхоо гудамж, хашаа, хороо, айлуудын жорлон, хаана үмхий самхай газар байна тэр бүхнээр явсан. Бүх цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Бидний хог хаягдал хаашаа явж, юу болж дуусч байгаа гинжин хэлхээг эхнээс нь дуустал үзэх гэсэн юм. 2012 онд Хан-Уул дүүргийн сонгогчдодоо газар, хогны асуудлыг шийдэхээр амлаж гарч ирсэн юм л даа. Бүтэн жил хогоор аялаж, сүүлдээ өмхий үнэрийг ялгаж сурлаа. “Энэ бол химийн бодисны үнэр байна” гэж таньдаг боллоо. Судлаад байтал манай цэвэрлэх байгууламжид тодорхой технологийн шат дамжлага дутуу суурилагдсан байгаа юм. Ямар шат дамжлага дутахаараа Монголд цэвэрлэх байгууламжаас өмхий үнэртдэг юм. Орос, Германд яагаад үнэртэхгүй байна гэсэн чинь нөхөд цэвэрлэх байгууламжийнхаа лагийг хатаагч машин руу хийгээд, брикетэн түлш болгож, түүнийгээ уурын зуухандаа түлчихдэг юм билээ. Энэ түлшийг Монголд үйлдвэрлэчихье гэж бодлоо. Цэвэрлэх байгууламжийнхан дээр очоод “Лагийг чинь түлш болгоё. Машин нь ямар үнэтэй юм. Улсын төсөвт тусгая” гээд ярьж эхэлтэл “Ээ гэгээн минь, Ц.Оюунгэрэл гишүүн минь тэгж л болохгүй шүү. Хамаг мөнгөө зарцуулж, үйлдвэр оруулж ирээд, түлш хийтэл авах газар олдохгүй. Тавин жил энэ лагийг авах газар олдоогүй” гэв. Яагаад авах газар байдаггүй юм бэ, нүүрснээс хямдхан түлш гарна биз дээ гэсэн чинь “Манай Монголд лагаар хийсэн түлшийг хэзээ ч зуухныхаа ам руу оруулахгүй. Гал голомтоо та нараар бузарлуулахгүй гээд уурын зуухныхаа амыг хаагаад зогсоно шүү. Гадаадад л экспортлодоггүй юм бол зуухандаа хийхгүй” гэцгээлээ. Оросууд Монголд цэвэрлэх байгууламж барихдаа галаа дээдэлдэг монголчуудын соёлтой тулгараад, ялгадаснаас түлш гаргадаг дамжлага хийгээгүй юм байна.
Ингээд бид сүүлийн 50 жил лагаа хуримтлуулж, хашаандаа овоолсон. Гэр хорооллын айлын ялгадас овоорч байгаатай адил цэвэрлэх байгууламжийн лаг овоорч байна. Ялгадасны гаралтай түлшнээс өөр ямар хэлбэрээр лагаа багасгаж болох вэ гээд судалж эхэллээ. Хотын өмхий үнэрийг арилгамаар байна, лаг авдаг газар хаана байдаг юм бэ, хэлж өгөөч гээд “Дээс томж, найзыгаа аваръя” гэдэг үлгэр шиг л хүн болгоноос асууж явлаа. З.Энхболд дарга жорлон их сонирхдог. УИХ-ын дарга нэг удаа над руу мессеж явуулчихаж. “Чиний сонирхоод байсан лагийг авдаг үйлдвэр гараад ирчихэж” гэжээ. Билл Гейтсийн сангаас санхүүжилт аваад цоо шинээр хийгдэж байгаа Омни процессор гэдэг лагийг цэвэр ус, цахилгаан болгож хувиргадаг машин бүтээгдсэн байлаа. Лаг шатаадаг машинаас гарсан цэвэр усыг Билл Гейтс өөрөө ууж байгаа видео байна гээд линкийг нь надад илгээжээ. Тэрийг үзээд “Энэ л манай Монголд хэрэгтэй юм байна” гэж бодсон. Энэ машиныг яаж олж үзэх вэ гэсэн чинь дэлхийд хоёрхон байдаг гэнэ. Нэгийг нь Сенагалын нийслэл Дакарт суурилуулж туршиж байгаа. Нөгөөх нь үйлдвэрлэсэн газраа АНУ-ын Сиатл хотод байдаг. Дакар явж чадахгүй юм чинь Сиатл руу холбогдоод “Наад машиныг чинь нүдээрээ үзмээр байна” гээд Билл Гейтсийн сан руу захиа бичиж гарав. Таван сарын дараа Нью-Йорк руу ажлаар явж таарлаа. Тэндээсээ үргэлжлүүлж томилолт аваад, Сиатлаар оров.
Билл Гейтсийн сангийнхан “Бид мөнгийг нь өгөх нь өгсөн. Тэр машиныг “Жаники био энержи” гэдэг компаниар хийлгэж байгаа. Тэр компанид очоод машиныг нь үзэх уулзалт товлож өгье” гэсэн. Би Билл Гейтсийн сангийн ажилтныг дагаж, “Жаники био энержи” гэдэг компанид очлоо. Уг нь сансрын хөлөг, нисгэгч нарт зориулсан тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани юм байна. “Яаж байгаад жорлон үйлдвэрлэдэг болчихсон юм бэ” гэсэн чинь Билл Гейтс үйлдвэрийн эзэн Петер Жаники дээр очсон юм билээ. Билл Гейтс “Сантехник, усны мэргэжлийн хүмүүсээр цэвэрлэх байгууламж шийдүүлэхээр шинэ шийдэл гаргахгүй байна. Цоо шинэ шийдэл гаргах зохион бүтээгчид жорлонгийн салбарт хэрэгтэй байна. Хэний ч санаанд оромгүй машин хийгээд өгөөч” гэж л дээ. Тэгээд Питер Жаникиг дагуулж Африкт хэдэн зуун мянган хүн шавааралдаж амьдардаг ядуусын хорооллыг харуулаад “Энэ хүмүүст тохирох цэвэрлэх байгууламж хийгээд өг” гэж захиалсан юм байж. Нөгөө хүн хэсэг хугацааны дараа айл бүр хаягдлаа соруулаад ирвэл түүнийг нь нийлүүлээд шатаадаг машин зохион бүтээсэн. Буурай хөгжилтэй орнуудын нүхэн жорлонгийн асуудлыг шийдэх гэж хийсэн өтгөн лагуудыг шатаадаг машин. Дэд бүтэц татаж, ус гүйлгэх шаардлагагүй.
Би Жаникитэй уулзаад “Танай Омни процессортой танилцаж, чадвал авах гэж ирлээ” гэсэн юм. Монголд тохирох, манай асуудлыг шийдчих машин байна уу гээд “Гүүгл мапээр авсан Улаанбаатарт 15 га газарт хуримтлагдсан лагийнхаа зургийг үзүүлэхэд ”Наадах чинь их нөөц байна шүү” гэж хошигносон. Машин нь овор багатай. Омни процессор машиныг нэг га талбайд бүх холбогдох хэсгүүдтэй нь угсарч болох юм билээ. Үнэр тараахгүйгээр түүхий эдээ цуглуулахад зориулсан битүү агуулах харагдсан. Энэ агуулахаас битүү конвейрээр дамжин, өтгөн лаг машин руу орохоор бүтээгджээ.

Хүний ялгадас, цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэр ус, цахилгаан болгож хувиргадаг машин. Омни процессорын дэргэд. 2015 он.

Омни процессорын түүхий эд нь өтгөн ялгадас, лаг, шатаж болох хог хаягдал юм байна. Хаягдлыг хатааж, дараа нь өндөр температурт шатаан, бүх нянг устгаад, хаягдлаас гарах уурыг ашиглан цахилгаан гаргана. Уурыг конденсацид оруулж ус “үйлдвэрлэнэ”. Халуун уур, усыг халаалтад хэрэглэж болно. Шаталтаас ялгарах үнс нь барилгын материалын түүхий эд болно.
“Та хүйтэн цаг ууртай газарт зориулсан анхны машинаа Монголд зориулж хийж өгөөч” гэж гуйлаа.Тэр хүнтэй уулзсанаас хойш хоёр жилийн дараа 2017 оны эхээр Энэтхэгт болсон “Өтгөн ялгадас ба лагийн менежментийн дэлхийн IV хурал”-ын үеэр дахин тааралдлаа. Билл Гейтсийн сангаас намайг тэр хуралд ирж оролцооч гэж урьсан юм. 1000 хүн цугласан том хурал болсон. Тэр дунд Питер Жаники гуай гол илтгэгчээр уригдаж, Омни процессор од боллоо. Илтгэж дууссаны дараа түүнийг олж уулзахад намайг шууд таньж байна шүү. “Чамайг ирээд явснаас хойш хичнээн олон хотын даргаас хүсэлт ирсэн гээч! Өндөр хөгжилтэй ч хүйтэн цаг агаартай хотод маш их асуудалтай юм байна. Тэгээд бид Омни процессороо хүйтэн хотод зориулж өөрчилж байгаа” гэж ярилаа. “Тэдэнд эхэлж машинаа нийлүүлээд бөөнөөр нь үйлдвэрлэж хямдхан болоод ирэхээр нь Монголд нийлүүлье” гэсэн юм.
Хурлын үеэр би 80-аад танилцуулга сонссон. Дэлхийн жорлонгийн халуун цэг нь Ази, Африк юм билээ. Энэтхэг, Хятад хоёр хүн ам ихтэй ч жорлонгийн асуудлаараа Хятад хамаагүй хол явчихсан. Энэтхэгчүүд жорлонгийнхоо асуудлыг урт хугацаанд орхигдуулчихсан улс.
-Хятадууд ялгадсаа бордоо болгож ашигладаг байх шүү?
-Хятад ялгадсаа бордоо болгож, газар тариаланд ашигласан мянган жилийн туршлагатай гэнэ. Орчин үед бохир нянг устгаж ашиглах технологи яригдаж байна. Дээр үед ялгадсыг борог аргаар бордоо болгочихдог байж. Хятад, Солонгос, Японд хэрэглэгдэж байсан арга юм билээ. Тэр аргыг Энэтхэгт хэрэглэж байгаагүй гэнэ. Орчин үед Африк, Энэтхэгийн асуудлыг шийдэх гээд дэлхийн жорлонтой холбоотой бүх зохион бүтээгчид тэнд цугларчээ. Африкчууд бас цэвэрлэх байгууламж бариад, цугларсан өтгөн лагаа хааш нь ч хийдэггүй юм байна. Халуун орон учраас бүр ч хурц асуудалтай. Тэд бас монголчууд шиг гал шүтдэг. Галын шүтээнтэй учраас галд түлш хийхгүйгээр лагийн асуудлыг шийдэхээр Омни процессорыг захиалсан юм билээ.
-Омни процессор нь хэр үнэтэй эд вэ?
-Нэлээд үнэтэй гарах байх. Дакарт байгаа ганц ширхэг Омни процессорыг үнэгүй суурилуулаад, судалгааны явцад гарсан зардлыг орлогоосоо нөхөж Билл Гейтсийн санд төлсөн юм билээ. Зах зээлийн үнийг нь хараахан тогтоогоогүй. Шинэ процессорыг хотууд худалдаж авч эхлэхэд л үнийн баримжаа нь мэдэгдэх байх.
“Жорлонгоо өөрчилье“ номондоо энэ мэтчилэн 31 сэдэв хөндсөн. Түүний 15 нь жорлонгийн технологи. Арав нь цэвэрлэх байгууламж,септик танк, лагийн тээвэрлэлт, боловсруулалттай холбоотой технологи. Зургаа нь бодлоготой холбоотой. Жорлонгийн хууль, Септик танкны дүрэм гэх мэт зарим хууль, дүрмийг тайлбарласан бодлогын сэдэвтэй. Эндээс бодлого боловсруулагчид, жорлонгоо сайжруулах гэж байгаа иргэд, жорлонгийн бизнес хийх гэж байгаа хүмүүс ашигтай мэдээлэл олж авна. Энэ сэдвүүд жорлонгийн бизнес яаж хийх схемтэйгээ бий. Дэлхийн жорлонгийн хөдөлгөөнийхөн жорлон бизнес болж байж асуудал шийдэгдэнэ гэж үздэг юм билээ.
Өтгөн ялгадас лагийн менежментийг сайжруулах хөдөлгөөн өрнөж байна. Монголчууд сэргэлэн учраас дэлхийн гол хөдөлгөөнүүдэд нэгдэж, том давалгаануудаас ашиг хүртэх чадвартай хүмүүс. Дэлхий нийтээр хүйтэн дайн дуусаад ардчилал эхлэхэд бид эгнээнд нь нэгдэж, ардчилал зах зээл рүү шилжиж чадсан. Одоо түүнтэй адил дэлхий нийтээр жорлонгоо өөрчлөх хөдөлгөөн өрнүүлж байхад бид бас нэгдэж, маш хүчтэй давалгаан дундаас олон ашигтай технологи, шийдлүүд олж аваад, асуудлаа шийдэж болохоор санагдаад ийм ном бичсэн юм.
-Монголчууд малаас гардаг ялгадсаа түлж ирсэн. Орчин үед технологийн тусламжтайгаар хүнээс гардаг ялгадсыг ч түлш болгох боломжтой болжээ. Аргал, хүний ялгадсыг харьцуулж сонирхож үзсэн үү?
-Би гал тахьдаг соёлдоо гүн хүндэтгэлтэй хандаж байгаа. Тийм учраас ялгадаснаас түлш гаргах технологийг аль болох сурталчилаагүй. Тэр дундаас ганц л зүйлийг номондоо оруулсан. Ингэж түлш хийгээд, ашиглах боломж байна шүү гээд европчуудын хэрэглэдэг технологийг цухас дурдсан. Түлшнээс өөр эцсийн бүтээгдэхүүн болгодог аргуудыг хайсан. Хүний ялгадсыг бас био бордоо болгодог юм байна. Хөрс эрүүлжүүлэх био нүүрс гаргаж авдаг юм байна. Био нүүрсийг уул уурхайн химийн хоронд идэгдсэн газруудыг эрүүлжүүлэх “эм” болгож ашигладаг юм билээ.
-Манай гэр хороололд бас септик танк гэж нэрлээд байгаа соруулах боломжтой, хөрсөнд бохир нэвчүүлдэггүй савнуудыг хэрэглэж болохоор санагдсан. Зарим оронд Септик танкны дүрэм мөрдүүлдэг гэж та дурдсан байна лээ?
-Дэд бүтэц хөгжөөгүй газруудад орчин үеийн ариун цэврийн байгууламж хэрэглэе гэхэд септик танк буюу соруулдаг цооногууд хэрэг болдог. Өмнө нь цементээр хийдэг цооногууд байсан. Дараа нь бид болох болохгүй ёмкостууд хэрэглээд байгаа юм. Биологийн идэвхтэй бодиснуудыг устгадаг химийн бодис агуулсан цооног хэрэглэж болохгүй. Өтгөн ялгадас лагаас био бодис гаргаж авахын тулд химийн бодис ороогүй түүхий эд хэрэглэх учиртай. Зөв ёмкост хийх зураг схем, септик танкны дүрмийг номондоо оруулсан. Бас нэг сонирхолтой септик танкны жишээ бий. Тэр нь хаймран септик танк. Орчин үед янз бүрийн хийцийн маш сайн хаймрууд гарсан байна. Тэлэлт сайтай, хагардаггүй, хөрсөнд бохир нэвчүүлдэггүй, эдэлгээ сайтай. Кембрижийн оюутнуудын бүтээсэн хаймраар хийсэн, хоосон үед нь эвхээд аваад явчихдаг нүүдлийн септик танк байна. Бохирыг халуун нөхцөлд задлах явцад үүссэн хийг тусгай уутнуудад хурааж аваад, гал тогоонд хийн зуух ажиллуулахад ашиглачихдаг. Тэр септик танкийг Кембрижийн оюутнууд зохиожээ. Тэд доктор хамгаалах явцдаа патент аваад, туршаад, бэлэн бүтээгдэхүүнтэй, саятан болоод гарч байна. Түүнийг нь Монголд захиалъя гэсэн чинь “Уучлаарай, ойрын гурван жилд армийн захиалгатай” гэсэн. Цэргийнхэн чинь бас өтгөн шингэнээ яахаа мэддэггүй юм байна шүү дээ. Эзгүй хээр газар цэргүүд очиход мод түлээ, гал, жорлон байхгүй. Гэтэл оюутнуудын бүтээсэн септик танк олон асуудлыг нь шийдчихнэ. Хаймран септик танк хийгээр дүүрээд, бөмбийгөөд ирэхээр хийг нь соруулж, хийн уутанд хураагаад, түүнийгээ гал тогооны хийн плитканд залгачихна. Дахиад нэг хийн уутаа дүшиндээ залгаад усаа халаагаад усанд орчихно. Бордоо нь ялзмагтаад ирэхээр гялгар уутанд савлачихна. Ууттай ногоонууд нь хүлэмжинд дүүрэн. Тэр нь цэргийнхний хэрэгцээг бүрэн хангачихдаг. Хаймран септик танкийг Угандагийн малчид хүртэл аваад, малынхаа ялгадсыг өөрийнхөө ялгадастай хамт хийгээд боловсруулж байна лээ. Ганцхан айлын ялгадас хангалттай хий ялгаруулж чадахгүй. Тэгэнгүүт септик танк руугаа малынхаа ялгадсыг цуг хийгээд, байнга хий үйлдвэрлэж ахуйдаа хэрэглэдэг байна.
-Хүн олонтой сургуулиуд цахилгааны хэрэгцээгээ өөрсдөө хангачих юм биш үү?
-Ялгадсаасаа хий гарган авч ахуйн хэрэгцээгээ хангадаг орон сууц байна. Буллит төв гээд зургаан давхар орон сууцтай Сиатлд танилцсан. Жорлон нь хөөсөөр ялгадсаа хөөдөг, байрны зоорийн давхарт том том ялгадас бордоошуулах савнууд байрлуулсан юм билээ. Тэр савнуудад хөөсөөр туугдаж ирсэн өтгөн ялгадсыг халаагаад, метан хий ялгаруулдаг. Тэр хийнүүдийг авдаг цоргонуудтай. Хийн баллоноос зургаан давхар байрны бүх гал тогоо, халаалт дулаан шийдэгддэг. Халаалт, дулаан, цахилгаанаа жорлонгоосоо “үйлдвэрлэдэг” байшингийн тухай бас номдоо бичсэн.

Царцаа Намжил эрдэм сурахгүй мөртлөө харсан үзсэнээ тогтоогоод явдаг шүү дээ. Түүн шиг би сантехникийн мэдлэггүй, энэ талаар “номын дуу” сонсоогүй мөртлөө харсан үзсэн бүхнээ хураагаад, “Жорлонгоо өөрчилье” гэдэг ном биччихсэн шүү.

Хамгийн гол нь жорлонгийн тухай ярихгүй болохоор жорлонгоо сайжруулахад мөнгө хуваарилагддаггүй юм байна. Гомдол гаргахгүй болохоор хэн ч анзаардаггүй. Ард түмэн юу хүсч байна түүнд л татварын мөнгө зарцуулагддаг шүү дээ. Иргэд жорлонгоо өөрчилье гэж ярихгүй бол төлсөн татвар нь өөрт нь, жорлонд нь зарцуулагддаггүй юм байна. Энд тэндгүй жорлон ярьдаг болъё. Хүмүүс жорлон гэдэг үг амнаасаа унагаж сураагүй байгаа учраас ичингүйрлээ даван туулахад нь тусалъя гээд номынхоо нэрэнд жорлон гэдэг үг оруулсан. Жорлон гэдэг том бизнес, дэлхийн нийтийн хөдөлгөөн болчихсон юм байна гэдгийг ойлгуулахаар ном бичсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярмаа: Би жаран Ерөнхийлөгч бэлтгэж байна гэж бодох учиртай. Ерөнхийлөгчийг бэлтгэж байгаа хүн өөрийгөө ч хөгжүүлэх хэрэгтэй болно

Буянтогтохын Баярмаа. Ховд их сургуульд сэтгэл судлалын багшаар таван жил ажиллаад, Төв Хятадын Багшийн их сургуульд Засгийн газрын тэтгэлэгээр сэтгэл судлалын чиглэлээр докторантурт суралцаж буй. Тэрбээр МУБИСийн Сэтгэл судлалын анги төгссөн. Ховдын Мөст сумынх. Түүнийг “Багш” буландаа урилаа.


-Яаж багш болсон бэ. Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв?

-Хүүхэд байхдаа сэтгүүлч болохыг хүсч байлаа. Есдүгээр ангидаа “Өндөр босго” гэж жүжгийн уралдаанд оролцоод, түрүүлсэн юм. “Мөнгөгүй сурагчийн дүн“ гэсэн нийтлэл бичсэн юм л даа. Тэр нь “Манай багш нэг удаа реферат бич гэсэн даалгавар өглөө. Би компьютер байхгүй, гараар бичээд өгсөн чинь 70 оноо аваад, бусад хүүхдүүд компьютерээр бичээд 99, 100 авлаа” гэсэн утгатай. Түүндээ Мэдээлэл зүйн багшийнхаа нэрийг биччихсэн. Тэрнээсээ болоод “Сургуулийн нэр хүнд унагаасан” гэгдээд, сүүлдээ сургуулиа солиход хүрсэн юм. Тэр үед багш нарын зүгээс нэг хэсэг нь дургүйцэх хандлагатай болчихсон байлаа. Энэ үеэс л хүүхдэд тусалдаг, хэцүү байдалд орсон үед нь хүнийг босгож ирдэг мэргэжил эзэмшье гэж бодох болсон. Аравдугаар ангидаа “Найрамдал” зуслангийн Харшийн сүлд модны наадамд ирэхдээ сэтгэл зүйч мэргэжил байдгийг мэдэж авсан даа. Тэр жилдээ конкурсдэж энэ мэргэжлийг сонгосон юм.

-Хүүхдэд ирж болох дарамт багш, орчны нөлөө хүүхдэд яаж тусдагийг биеэрээ мэдэрсэн байх нь?

-Тийм. Анх Ховд их сургуулийн багш болоход Ж.Ванчинхүү захирал надаас “Чиний амьдралын эцсийн карьер юу вэ” гэж асууж байсан. “Монголын номер нэг хүүхдийн сэтгэл зүйч болох” гэж хариулж байлаа.

-Хөдөө багшлахаар очиход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Эхэндээ баруун бүсэд бараг л цөлөгдөж байгаа юм шиг санагдсан. Гэвч баруун бүс угсаатны соёлын маш том төв юм билээ. Очоод багшлахаасаа өмнө зүү ороох, уран хатгамлын чиглэлээр сургалт явуулдаг Одонтуяа гэж эмчтэй танилцаад, сумдад ажилгүй байгаа эмэгтэйчүүдэд халамжийн сургалт хийж эхэлсэн юм. Зүү ороох оёдлын сургалт хийж явахдаа эхэндээ чухал гэдгийг ойлгоогүй. Дараа нь зүү ороох оёдол маш нарийн шинжлэх ухааны үндэстэй юм байна гэдгийг ойлгосон. Тухайн үедээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд сэтгэл заслын зөвлөгөө өгөх хүний эрхийн байгууллагатай хамтарсан төсөлд сэтгэл зүйчээр оролцсон юм. Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарсан, хүний эрхийн төсөл байсан. Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд заслын зөвлөгөө өгөх ажил хийв. Даалинг зүү ороож оёвол зарах боломжтой. Тэр хүмүүсийг тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болгох үүднээс зүү ороох оёдлоор даалин оёулж эхэлсэн. Гэтэл хүчирхийллийн дарамтын түвшин асар их буурсан дүн гарсан. Зүү ороох оёдол хийсний дараа түгшүүрийн түвшин маш богино хугацаанд үр дүнтэйгээр бууж байгаа нь ажиглагдсан. Үүнийг мэдрээд, зүү ороох оёдол маш үнэ цэнтэй заслын техник юм байна гэдгийг ойлгосон. Монгол сэтгэл судлаачдаас гаргасан сэтгэл заслын техник байдаггүй. Уламжлалт зүү ороох оёдол нь сэтгэл заслын том техник юм байна. Нэг мм урагшаа яваад, нэг мм хойшоо явдаг. Ардын дууны Алигэрмаа яаж арван хэдэн жил хугацаагүй цэргийн албанд явсан нөхрөө хүлээсэн юм бол гэж би гайхдаг байлаа. Зүү ороох оёдол хүний сэтгэлийн хөдөлгөөнийг барьдаг. Зоригийн чанарыг дээшлүүлдэг шинжлэх ухааны үндэстэй зүйл гэдгийг анзаарлаа.

-Өвчтөнүүд, хоригдлуудаар зураг зуруулах, хөгжим сонсгох гээд урлагийг анагаах ухаанд ашигладаг юм билээ. Монголын нөхцөлд зүү ороох оёдлыг санал болгож байгаа юм байна?

-Монголын уламжлалт зүү ороох оёдол нь цор ганц, давтагдашгүй. Энэ бол дэлхийн хэмжээнд гарах боломжтой заслын техник. Төв Хятадын Багшийн их сургуульд сурах хугацаандаа эмчилгээний урлагийн чиглэлээр зүү ороох оёдлоо улам илүү судлах зорилготой байгаа.

-Зүү ороох засал гэхээр эмэгтэйчүүдэд илүү хамаатай болоод явчихав уу даа. Харин та хулгай хийдэг хүүхдүүдтэй ажиллаж, муу зуршлыг нь бас зассан гэсэн үү?

-Хулгай хийдэг хүүхдүүдээр зураг зуруулж оношлоод, дараа нь ярилцлага хийнэ. Хулгай хийдэг хүүхдийг хөдөлмөрөөр дамжуулж засдаг. Зургаан сарын хугацаанд тэр хүүхдэд даалгавар өгнө. Хулгайч хүүхэд гэдэг үүднээс хандаж болохгүй. Хүүхдэд ганцхан буруу зуршил байна. Түүнийг нь засах юм. Сайн талыг нь илрүүлээд, хүүхдэд итгүүлж үнэмшүүлэх, сэтгэл зүйн маш олон техникүүд байдаг л даа. Нэг муу зан чанараа өгөөд, нэг сайн зан чанар авдаг тоглоомын аргууд, бусад аргуудаар дамжуулаад засна. Сайн зан чанар худалдаж авсан бол ангидаа сайн үйл хийх учиртай. Сайн үйл хийснийх нь дараа багш ангийнхных нь өмнө магтах, нийгэмшүүлэх, хамт олноор засах аргууд бий. Хүүхдэд итгэл хүлээлгэх, эцэг эх, багш нь хүүхдийг хайрлах ёстой. Хичнээн муу хүүхэд байсан ч багш хайрлаж, халамжлаад, итгэл хүлээлгэхэд муу зан чанарууд нь засагдах боломжтой гэдгийг л олж харсан.

-Асуудалтай хүүхэд гэцгээдэг. Гэтэл эцэг эх нь багшаас илүү хүүхдэдээ нөлөөлнө шүү дээ?

-Хүүхдэд ирж байгаа нөлөөллийн ихэнх хувь нь гэр бүлийн орчноос хамаарна. Хүүхдийг бага насанд нь зодож шийтгэхээс маш олон зүйл хамаарч байгаа. Тамхи татдаг, хулгай хийгээд байгаа хүүхдүүдийн дотоодод үүссэн сэтгэцийн гэмтэл гэж байдаг. Тэр зүйл нь зайлшгүй засагдах ёстой. Хүүхдийг ямар нэг байдлаар уйлуулах, яриулах, гадагшлуулах техникүүд ашигладаг. Эцэг эхийн зүгээс аль болох анхаарах зүйлсийг бас хэлж өгдөг. Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Гэтэл эцэг, эхийг нь засах боломжгүй учраас хүүхэд эцэг эхээсээ яаж өөрийгөө хамгаалах вэ гэдэг талаар ч зөвлөдөг.

-Тэр нь юу байх вэ?

-Хүүхдийн дотоодод дархлаа суулгахыг хүсдэг. Жишээлбэл хөзрийн аргаар тоглоом тоглоно. Маш олон дайснууд чамайг бүслэнэ, янз бүрээр хэлнэ. Чамайг хүн муу хэлэхэд чи яах вэ гэх мэтээр эхлээд тоглоомын аргаар сургана. Дараа нь “Сая баахан дайснуудтай тулалдаад ялж гарсан шигээ эцэг эхээс ирдэг муу үгнүүдийг (муу сурдаг, чи юу ч чаддаггүй гэх мэт) яаж гадагшлуулж гаргах вэ гэдгийг хүүхдэд хэлж өгдөг.

-Эцэг эхчүүд тэвчээр алдарч, хүүхдэдээ гар хүрэх үе байдаг. Хүсээгүй мөртлөө хүүхдээ дарамтанд оруулчихдаг. Амьдралд учирч байгаа дарамтуудыг тэсч гарахыг хэрхэн сургах вэ?

-Амьдралд сайн, муу зүйл тохиолдоно. Гэхдээ тэр сайн мууг тэсэх чадварыг хүүхдийн дотоод дархлаа болгож үлдээх ёстой. Одоо аав, ээж нь 20 мянган төгрөг өгөөгүйгээс болоод ч юм уу, нийллэгт оруулсангүй гээд амиа хорлох тохиолдол байна. Ийм байж болохгүй. Амьдралд маш олон саад бэрхшээл тохиолдоно. Чи бол ийм хүн. Тийм учраас чи давж гарах ёстой гэсэн дотоод итгэл үнэмшил суулгах ёстой. Монгол хүүхдийг хэт эрхлүүлж болмооргүй санагддаг. Хэт эрхлүүлэх, энхрийлэх, эсвэл үл хайхрах нь хүүхдийг сайн зүйлд хүргэхгүй. Заримдаа томчууд “Энэ бол хүүхэд, юу ч ойлгохгүй” гэж бодоод “Чи энийг хий” гэж тушаадаг. Энэ байр сууринаасаа томчууд буух учиртай. Хүүхэд өөрөө бие даасан статустай болж яваа. Тэр хүнд ээж, аавын зүгээс адил тэгш байр сууринаас хандах учиртай. Хүүхэд өөрөө тодорхой хэмжээгээр сонголт хийх эрхтэй, өөрөө шийдвэр гаргах боломжуудыг бий болгох ёстой. Мэргэжил сонгоход “Ээж аав ингэж хэлсэн учраас” гээд хүүхдүүд их дагадаг. Ийм хүүхэд амьдралд шийдвэр гаргахдаа бусдын үгээр явдаг, өөрийнхөөрөө байж чаддаггүй хүн болж өсдөг. “Боловсрол муу байна” гэж сургууль, багш нарыг шүүмжилдэг. Боловсрол гэрт явж байх ёстой. Тодорхой хэмжээний мөнгө хүүхдэдээ өгч байх хэрэгтэй. Хүүхэд худалдан авалт хийж байж суралцана. Хүүхэд алдаж болно. Хүүхдийг алдаа болгон дээр нь загнадаг чичилдэг. Болохгүй гэж хориглодог байж таарахгүй. Хүүхэд алдаа гаргах боломжийг ээж, аав олгох ёстой. Насанд хүрч ээж ааваасаа холдсоны дараа алдаа гаргаж үзээгүй хүүхэд илүү том алдах эрсдэлтэй байдаг.

-Хөдөө стрессгүй орчин гэцгээдэг. Гэтэл гэмт хэргийн мэдээлэл харахад хөдөө хүүхэд маш олон хэргийн хохирогч болсон байх юм?

-Цагдаагийн газартай хамтраад хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, хулгайн хэрэгт холбогдсон хүүхдүүдтэй ажилласан. Норвегийн хүүхэд хөгжлийн төслөөр сумдаар яваад, дотуур байрны хүүхдүүдээр зураг зуруулж авахад гэр бүлд нь хүчирхийлэл байна уу гэдэг зурагт гарч ирдэг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн нөхцөлд ч хүүхэд гадагшлуулж хэлж чаддаггүй. Хүүхдэд өөрт нь өөрийгөө яаж хамгаалах, хүн хүрч болдоггүй хил хязгаар гэж байдгийг ээж, аавууд сайн зааж өгөх хэрэгтэй. Хөдөө хүүхдэдээ анхаараад байдаггүй, ойр тойрны хүмүүстээ итгэл хүлээлгэдэг. Гэтэл бэлгийн хүчирхийлэл ойр дотнын хүмүүсээс ирэх нь бий.

-Бага ангийн багш нар маш их ачаалалтай ажиллаж байна. Олон хүүхдэд хүртэхгүй гээд асуудал их бий. Гэсэн ч бодит байдлыг яаж хүлээж авсан нь дээр вэ?

-Хүүхдийн сайн тал нь юу байна түүгээр нь дамжуулж засах хөгжүүлэх учиртай. Уураа бусдад гаргахгүй, хаалганы цаана үлдээж чаддаг байх ёстой. Олон хүүхэд хэцүү, дарамттай байна гэдэг сэтгэл зүйгээсээ гарах хэрэгтэй. Завгүй, заримдаа мөнгөгүй үе байна. Гэсэн ч би жаран ерөнхийлөгч бэлтгэж байна гэж бодох учиртай. Ерөнхийлөгчийг бэлтгэж байгаа хүн ямар байх ёстой вэ, өөрийгөө ч хөгжүүлэх учиртай. Би тэгж л боддог.

-Сэтгэлээс чинь гардаггүй хүүхэд байдаг уу?

-Бага ангийн нэг хүү ангийнхаа хүүхдүүдийн балыг хугалж, хувин руу хийгээд байжээ. Ангийн багш нь загнаад, бусад багш нарт хэлж, хорлон сүйтгэгч гэж чичилсэн. Тэр хүүхэдтэй намайг уулзаач гэсэн юм. Хүүгээр зураг зуруулаад зургаар оношлосон. Хүүгийн ээж, аав салсан байсан. Тэгээд хүүхдүүд ээж, аав гээд ярихаар ээж, ааваа ярьж байгаа хүүхдүүдийн балыг л хугалж хаяад байж. Ээж аавтайгаа хамт байгаа хүүхдүүдэд нэг талаар атаархаж, нөгөө талаар өөрийнхөө дутуу дулимаг байдлыг маш ихээр мэдэрч байгаа учраас тэрийгээ гадагшлуулах арга нь буруу байсан. Багш хүүхдүүдийн өмнө сурагчаа шийтгэнэ гэдэг буруу. Хэзээ ч багш хүн хүүхдийн алдааг олон хүүхдийн өмнө зарлаж байгаад шийтгэж болохгүй. Үнэхээр шийтгэх гэж байгаа бол өөрт нь хэлээд “Ингэж болохгүй шүү, чамд ийм сайн тал байна, энэ чинь болохгүй байна” гэж ойлгуулах ёстой.

-Бал хугалж байгаа үйлдэлтэй нь тэмцэх биш энэ хүүхдийн ямар нэг юм болохгүй байна гэсэн дохио гэж хүлээж авсан нь дээр юм байна?

-Тийм. Илэрхийлж гаргаж байгаа хэлбэр нь л тэр. Хүүхдийн алдааг дөвийлгөх, шийтгэх, чичлэхээс татгалзах хэрэгтэй. Ээж аавууд хүүхдээ алдаа гаргахаар зоддог, цохиод авдаг. Үүнийгээ болих ёстой. Хүүхдийн сэтгэцэд гэмтэл учруулдаг. Дотоодод бий болсон би чадна, бүтээнэ гэсэн итгэлийг нураадаг.


Categories
мэдээ нийгэм

Ж.Пүрэвжамц: CӨХ орцны цэвэрлэгээ, дээврийн засвар, лифть хариуцаж, шугам сүлжээг мэргэжлийн байгууллагад өгөх ёстой

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн бодлого, хяналтын хэлтсийн дарга Ж.Пүрэвжамцтай ярилцлаа.


-Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэхээр бүх орон сууцнуудыг удирддаг газар гэж ойлгодог. Манай байрныхан гэхэд л хувийн орон сууцны контороор үйлчлүүлдэг. Хувийн орон сууцны конторуудтай танайх ямар харилцаатай байдаг вэ, ямар ялгаатай вэ?

-1990 оноос өмнө Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэдэг нэлээд том бүтэц байсан юм билээ. Орон сууцны засвар үйлчилгээ, одоогийн СӨХ-ны үйл ажиллагаа, орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээг авч явдаг газар байсан.

Улаанбаатарт одоо 3000 гаруй орон сууц байгаа. Улаанбаатар хотын орон сууцны 60-70 хувьд нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар үйлчилдэг. Үлдсэн 30-40 хувьд нь хувийн орон сууцны конторууд үйлчилгээ үзүүлдэг. Барилгын компаниуд том хороолол бариад, хувийн орон сууцны конторт үйлчилгээг нь өгчихөж байгаа юм.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж явдаг. Ажил сайтай, мэргэжлийн үйл ажиллагааг хэвийн авч явдаг хувийн орон сууцны конторууд бий. Гэтэл ажил муутай, үйлчилгээ, үйл ажиллагаа нь жигдрээгүй конторууд байгаа. Хувийн орон сууцны конторуудад нийтлэг ажиглагддаг зүйл шинэ хорооллыг хариуцаад 5-10 жил ажилладаг. Арван жилээс хойш тоног төхөөрөмж нь хуучирч, шугам сүлжээнд гэмтэл гараад эхлэнгүүт “Нийслэлийн иргэд амьдарч байгаа юм чинь та нар ав. Манайх авч явж чадахаа болилоо. Бид хүн хүчгүй болсон, санхүүгийн хувьд хүндрэлтэй байна” гээд нийслэлд өгчихдөг. Тоног төхөөрөмж, шугам сүлжээг нь засварлах хэрэгтэй болчихсон байна. Тэр ажил нь манайд ногдоно. Урсгал засвар хийгээд бараг шинэ болгоод авна гэсэн үг, зардал ихтэй.

Энэ жил бид гурван тэрбум төгрөгний засвар хийж байгаа. Шугам сүлжээгээ үе шаттайгаар шинэчилж солиод явдаг. Үүгээрээ ялгаатай.

-Шинэ байрнууд олноор баригдаж байна. Байр хуучрахаар яах вэ гэж хүмүүс төдийлөн анхаардаггүй?

-Арван жилийн дараа танай гадна шугам гэмтлээ, Ус дулаан дамжуулах төвд ялтсан бойлуур юм уу насос чинь шатчихлаа гэхэд хувийн орон сууцны контор “Энэ манай өмч биш. Иргэдийн өмч учраас иргэд дундаасаа хөрөнгөө гаргаж насосоо ав, шугам сүлжээгээ зас, тэгэхгүй бол бид хөрөнгө гаргах боломжгүй” гэх жишээтэй. Одоо Эрчим хүчний зохицуулах хорооноос гарсан тарифаар ашиглалт үйлчилгээг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй компаниудад өг гээд эхнээсээ шахагдаад байгаа юм. Тусгай зөвшөөрөлтэй компаниуд нь элэгдлээ үүсгээд явчихвал тав, арван жилийн дараа шугам хагарлаа гэхэд иргэн чи шугамаа соль гэхгүй, хуримталсан мөнгөөрөө бид өөрсдөө шугамаа сольё гэнэ.

Иргэдэд энэ төрлийн ойлголт байдаггүй. Хувийн орон сууцны конторт “СӨХ-ны мөнгө их байна, биднээс их мөнгө авч байна” гээд байдаг. Тэр мөнгө маань юунд зарцуулагдаж байгаа юм. Элэгдэлд хэдэн хувь нь байна, цалин, ашиг гээд бүгдийг нь авч явчихаад байгаа юм уу гэж анхаарах ёстой. Тэгэхгүй бол баахан цоорхой шугамтай, халдаггүй насостой үлдвэл хэцүү. Хаяад явчихсан жишээнүүд бий.

-Ийм байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Оршин суугч инженерийн шугам сүлжээний нарийн асуудлыг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас мэргэжлийн байгууллага эцсийн цэг хүртэл нь авч явья гэж байгаа юм. Зах зээлийн нийгэмд айлд орж үйлчилдэг ганцхан газар л байгаа. Орон сууцны удирдах газар, орон сууцны үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс. Манай үйлчилгээг гэртээ сууж байгаад дуудаж авдаг. Бид өмчийн дөрвөн хэлбэрийг дамжиж, хэрэглэгчид хүрч байгаа. Эхлээд төрийн өмч, орон нутгийн өмч, дундын өмч, хувийн өмчин дээр очдог. Бараг дөрөв, таван эзэнтэй байна шүү дээ. СӨХ-ныхон гэхэд л “Манай өмчлөл учраас оруулахгүй” гэнэ. Зарим иргэд “Миний хувийн өмчинд халдах эрх байхгүй” гэдэг. Гэтэл нийтийн зориулалттай байранд амьдарч байна гэдгээ ойлгодоггүй. Хананы цаадах шугам нь гэмтчихээд байхад “Манайх зүгээр байгаа юм чинь ” гэж бидний ажилд саад учруулдаг үе ч байдаг.

Барилга хот байгуулалтын яамныхан, Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эцсийн хэрэглэгч хүртлээ шугам сүлжээ орон нутгийн өмчинд байх ёстой гэсэн өөрчлөлт Сууц өмчлөгчдийн хуульд оруулах юм. СӨХ орцны цэвэрлэгээ, дээврийн засвар, лифть хариуцаж, шугам сүлжээг мэргэжлийн байгууллагад нь өг гэсэн шаадлага тавьж байгаа. Барилга, хот байгуулалтын яамнаас хуулинд өөрчлөлт оруулахаар хоёр, гурван ч удаа хэлэлцүүлэг зохиосон. Энэ асуудал нэг талдаа шийдэгдэх байх.

-70 нас гэдэг хүнээр бол хөгшин төсөөлөгдөнө. Та харин байгууллагаа хэрхэн тодорхойлох вэ?

-Ид хөгжлийнхөө үед яваа. 2000 оноос өмнө Ус дулаан дамжуулах төвүүдэд хурдны бойлууртай байсан. Хурдны бойлуур тохируулга хийх боломжгүй. Хавар, намрын улиралд айлууд цонхоо онгойлгож сэрүүцдэг байсан. Өвөл нь хүйтэн. Энэ нь эх үүсвэрийн хувьд алдагдалтай, усны алдагдал ихтэй, овор хэмжээ ихтэй байсан бол одоо 17 жилийн дараа манай Ус дулаан дамжуулах төвүүд 411 байгаа. Бүгд иж бүрэн автоматчлагдсан тоног төхөөрөмжтэй болсон. Энэ нь гадна агаараас хамаараад хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, халаалт, халуун усаар хангаж чадна гэсэн үг. Бид технологийн дэвшлээс хол хоцорчихгүйг хичээж байна.

-“Хөгширсөн” шугам сүлжээ хэр их байгаа вэ?

-Манайх 410 Ус дулаан дамжуулах төвтэй. Эндээс 147 нь том чадлын 264 нь бага чадлынх юм. Манайх нийтдээ 1647 орон сууцны байр хариуцдаг. Үүний гадна инженерийн шугам сүлжээ 830 км гэсэн үг. Инженерийн шугам сүлжээний дундаж наслалтыг 20 жил гэж үздэг.Ингээд үзэхээр манай нийт шугам сүлжээний 50 гаруй хувь нь насжилтын хугацаа дууссан. Гэмтэл гарах, цоорох магадлалтай болсон шугам гэсэн үг.

-Насжилтын хугацаа дууссан шугамаа ямар замаар шинэчилж байгаа вэ?

-Манайх Эрсдлийн сан бий болгоод өөрийнхөө хөрөнгөөр гурван тэрбум төгрөгийн засвар хийсэн. Жил бүр нийслэлээс 1-5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, инженерийн шугам сүлжээг шийдэж өгдөг байсан боловч 2017 онд харамсалтай нь хөрөнгө оруулалт орж ирээгүй байна.

-Та түрүүн элэгдлээ байгуулна гээд байсан. Хэрэглэгчидтэйгээ тохиролцоод шимтгэл төлбөр аваад, Элэгдлийн сан байгуулах ёстой гэсэн үг үү?

-Тийм биш. Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаа мөрдөөд, үүнийхээ дагуу шимтгэл нь үлдээд, засвараа хийх нөөц нь үлдээд явж байдаг. Олонхи байгууллага яаж байна гэхээр хуримтуулж байх нөөцүүдээ бүгдийг нь авч хэрэглээд, тав, арван жилийн дараа байрнуудаа шууд хаячихаад байгаа юм.

-Хувийн орон сууцны контороор үйлчлүүлдэг иргэд хяналт хийлгэе, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулая гэж танайд хандах боломжтой юу?

-Болно. Гэхдээ хүндрэлтэй. Яагаад гэвэл хувийн орон сууцны конторууд бүх юмаа нуудаг, үзүүлэхгүй шүү дээ. Манай дотоод асуудал гэдэг.

-Хөндлөнгийн хяналтгүй бол иргэд хохирох магадлалтай юм байна?

-Хувийн орон сууцны конторууд орон нутгийн юм уу нийслэлийн өмч биш болохоор бид удирдлагын хувьд шууд зангидаж болохгүй. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар гэхээр иргэд бүх орон сууцны конторуудыг удирддаг гэж ойлгодог. Тогтолцоо нь хоёр өөр. Хуулинд өөрчлөлт оруулж, хувийн орон сууцны конторуудад манайх хяналт тавьдаг болж болно. Тэгвэл бид хяналт тавиад “Чи муу ажиллаж байна, танай гэрээг цуцална” гэж шаардлага тавина. Одоо манайхаас очоод шаардлага тавьсан ч биелүүлэхгүй. Бидэнд хувийн орон сууцны конторт хариуцлага тооцох механизм байхгүй.

-СӨХ-дтой харилцахад ямар хүндрэл байдаг вэ?

-Дундын өмчлөлийн хүрээнд СӨХ хөрөнгө гаргах ёстой. Оршин суугчдадаа СӨХ нь танилцуулад ийм ийм юм муу байна, энийг солиход тэдэн төгрөг гарна, мэргэжлийн энэ байгууллагаар хийлгэе гээд явах ёстой. Гэтэл одоо тэгж ажилладаг СӨХ цөөн. СӨХ-дын үйл ажиллагаа хангалтгүй байна. Жишээ нь бид 400 гаруй СӨХ-нд 15 нэр төрлийн мянгаад ажил хийж өгөхөд 50 хувьдаа хүрэхгүй. “Мөнгө төгрөг байхгүй” гэдэг. Хор уршиг нь яаж илрэх вэ гэхээр өвлийн хүйтэнд есөн давхрын нэг орцны 36 айл байлаа гэхэд ташрын есөн айлын халаалтыг хаагаад шийдчих асуудлыг байраар нь хаахад хүргэдэг. Манайх зуны засварын хугацаанд “Энийгээ соль” гэдэг. СӨХ-ныхон явж явж хамгийн хямдыг нь аваад ирнэ. Нөгөөдөх нь удахгүй барихаа байчихна. Шинэ юм авч өгсөн танай улсууд эвдээд хаячихлаа гэдэг. Үнийн сонголт нь өөр өөр байдаг. Мэргэжлийн байгууллага эцсийн хэрэглэгч хүртлээ үйлчилгээгээ авчихвал арай л өөр болно.

-Ойгоо угтсан шинэлэг үйлчилгээ санал болгож байгаа юу?

-Байгаа. Манайх 2017 оныг хэрэглэгчийн жил болгож зарласан. Арван хоёр сарын турш сар бүр шинэлэг ажил хийж байгаа. Жишээ нь наймдугаар сарыг “Мэргэжилтэй ажилтнуудыг чадавхижуулах сар” болгосон. Есдүгээр сард байгууллагаа сурталчилан таниулах сар, гуравдугаар сар усны алдагдлыг бууруулах сар байх жишээтэй.

Манай хэрэглэгчдийн 67,8 хувь нь тоолууртай. Үлдсэн 33 хувьд нь ямар асуудал байдаг гэхээр тоолуургүй хэрэглэгч хорооны тодорхойлолтоор нэгээс хоёр ам бүлтэй. Гэтэл бүх өрөөгөө түрээсэлчихсэн, усны алдагдал ихтэй байдаг. Дусч байхад л ус алдагдаж байдаг. Усны алдагдлыг бууруулахын тулд бид төлбөрт үйлчилгээг 50 хувь хөнгөлж хэрэглэгчдэд үйлчилсэн. Зургадугаар сар “Хэрэглэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээг сайжруулах сар” байлаа. Дуудлага өгсөн хэрэглэгчидтэй эргэж холбогддог болсон. Ямар зан харьцаатай байсан, үйлчилгээ таалагдсан уу гэх мэтээр эргэж лавладаг.

-Шинэ технологи хэр нэвтрүүлэв?

-Шинэ техник технологийг нэвтрүүлэх сар долдугаар сард болсон. Энэ хүрээнд нэг Ус дулаан дамжуулах төвийг интернет орчин, алсын зайнаас удирдах боломжийг бүрдүүлсэн. Пост машин нэвтрүүлсэн. Мессеж үйлчилгээ нэвтрүүлж байна. Төлбөрийн мэдээлэл гар утсанд очно.

-Танайх нийт хэдэн ажилтантай вэ?

-Нийт 1476 ажилтантай. 215 инженер, мэргэжилтэй ажилчин, засварчид, 437, машинистууд 266 байдаг.

-Танай засварчид тусгай таних тэмдэгтэй байх аа?

-Манай үйлчилгээний стандартаар бол ажлын хувцсаа өмсөөд, айлд орохдоо эзэн нь зөвшөөрөөгүй үед орж болохгүй, “Орж болох уу, тэндээс ийм учиртай хүн явна” гээд нэрийн хуудас үзүүлнэ. Үйлчилгээгээ үзүүлээд гарахдаа төлбөрт үйлчилгээний хуудсаа танилцуулна. “Танайд ийм ийм засвар хийлээ. Тэдэн төгрөг болж байна. Та зөвшөөрвөл гарын үсгээ зураарай” гэнэ. Нэг хувь баримт үйлчлүүлэгчид, үлдсэн хувийг нягтланд авчирна. Та манай Дуудлагын төвийн 70005454-д хандсан бол нийт дуудлагын 30-40 хувьд эргэж холбогддог. “Манай үйлчилгээ сэтгэлд чинь хүрсэн үү” гээд давхар хянаад явчихдаг.

Categories
мэдээ цаг-үе

Б.Билгүүн: Монголчуудтайгаа харилцаатай байхын тулд чөлөөт цагаараа YouTube ашиглан хүмүүст мэдээлэл хүргэдэг

Б.Билгүүн Германы “Kaiserslautern University”-д химийн ухааны доктор хамгаалсан. Одоо Германы Хайделберг хотод “CaRLa” институтид судлаачаар ажиллаж буй. Өнгөрсөн жил тэрбээр “Sustainable methods for the introduc­tion of fluorinated groups” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Түүнийг “Power Nutrition” –аас зохион байгуулсан “Эрүүл зөв хооллолт” фитнесс өдөрлөгт лекц уншсаны дараахан уулзсан юм.


-Билгүүн яаж Германтай холбогдсон бэ?

-Би арвангурван настайдаа ээжтэйгээ Герман явж байсан юм. Ээж Удирдлагын академид ажиллаж байгаад, Германд магистр, дараа нь доктор хийх боломж гараад хоёулаа явсан юм. Тэнд очоод анх герман хэлгүй, юу ч мэддэггүй байхдаа шууд сургуульд нь ороод эхний нэг жилдээ зочин сурагч маягаар яваад, герман хэл сурч аваад, дараа нь тэндээ үлдсэн. Дунд сургуулиа төгсөх үед маань ээж доктор хамгаалж дуусаад, Монгол буцах болсон. Тэр үед “Би эндээ үргэлжлүүлж суръя” гээд үлдсэн.

-Ямар сэдвээр судалгааны ажил хийдэг вэ?

-Органик хими дотроо катализ гэдэг сэдэв байдаг. Ерөнхийдөө үйлдвэрийн явцад ямар нэг химийн бодисоос өөр бодис бий болгоход явагдах процессийг яаж илүү сайжруулах вэ. Өөр ямар химийн бодисийг ашиглаж, шинэ бүтээгдэхүүн гаргаж авах вэ гэдэг чиглэлээр ажилладаг гэх үү дээ. Ийм сэдвээр докторын ажил хийсэн. Монголд катализ сэдвээр ажиллана гэвэл ажлын байр байхгүй. Хөгжсөн оронд том үйлдвэрүүд дараагийн шинэ бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ, одоо байгаа бүтээгдэхүүнээ өөр материал ашиглаж, яаж шинээр боловсруулах вэ гээд өөрийн судалгааны групптэй байдаг. Монголд болохоор судалгааны групптэй үйлдвэр байдаггүй. Бэлэн үйлдвэр оруулж ирээд копи хийдэг болохоор надад Монголд ажил олдохгүй гэсэн үг. Тийм болохоор би Германд ажиллаж амьдарч байгаа.

-Химийн нарийн процесс ярина гэвэл хэцүү л дээ. Гэхдээ таны ажлын үр дүнд хүмүүст ямар боломж авчирсан тухай хэлбэл сонин байх?

-Докторын ажил хийж байхдаа би эм тарианд орсон зарим химийн найрлагыг яаж илүү хор багатай аргаар гаргаж авах вэ гэдэг чиглэлээр ажиллаж байсан. Германд ялангуяа бүх юмыг ногоон болгоно гэж ярьж байгаа. Ерөнхийдөө дандаа шинэ процесс хайдаг гэх үү дээ. Дэлхийн эхний аравт ордог химийн сэтгүүлд 11 нийтлэл гаргасан.

-Ийм залуухан доктор, тэр тусмаа Германд хамгаалсан гэхээр мундаг юм?

-Би өсвөр насандаа Германд очоод тал монгол, тал герман процесст ороод явчихсан болохоор ерөнхийдөө гайгүй. Хэрвээ өдий насандаа би Германд очоод доктор хамгаална гэсэн бол асар их ачаалалтай тулгарах байх.

-Одоо өөрийг чинь монгол эр хүн гэх үү, герман маягийн хүн гэж ойлгох уу?

-Мэдээж монгол. Тийм ч учраас Монголд зориулж юм хийх хоббитой. Монголчуудтайгаа харилцаатай байхын тулд чөлөөт цагаараа YouTube ашиглаж, хүмүүст мэдээлэл хүргэдэг. Сүүлийн үед Монголд ирэхэд анзаарагдсан зүйл нь хүмүүс зөв зохистой хооллолт бол эрүүл мэндийн асуудал гэж сайн ойлгодоггүй юм шиг санагдсан. “Витаминлаг юм идээрэй” гэхээр шууд эмийн сан орж витамин худалдаж авна гэж ойлгох нь олон. Гэртээ идэж байгаа хоол хүнс чинь витаминтай байх ёстой гэдгийг хүмүүс нэг их анзаардаггүй юм шиг. Ирэх болгондоо үүнийг анзаараад сүүлдээ YouTube-ээр зөв зохистой хооллолт гэж юу болох, хоолны бүтцийн талаар ярьсан. Уураг, нүүрс ус, тос ямар үүрэгтэй талаар мэдээлэл өгч эхэлсэн л дээ.

Монголчууд ихэвчлэн мах, гурилтай хоол иддэг. Гурил танд зөвхөн энерги өгөх үйлчилгээтэй, мах тос уургаар хангадаг. Нарийн эрдэс бодис, витамин байдаггүй. Тийм учраас монголчууд ерөнхийдөө витамины дутагдалтай байдаг.

-Юу идэж, хэр зэрэг аминдэм авч байна вэ гэдгээ яаж тооцоолох вэ?

-Нарийн тооцоо хийх гэхээсээ таны оройн хоолны тал нь ногоо байх хэрэгтэй. Ногоо нь аль болох олон төрлийн байх ёстой. Зөв зохистой хоол гэдэг шим тэжээл агуулсан гэсэн үг. Ерөнхийдөө хоолны гол бүтэц нь уураг, нүүрс ус, тос байдаг. Уураг нь амино хүчил болж хувирдаг. 60 кг-тай хүн 60 грамм уураг өдөртөө идэх учиртай. 100 г мах 20 г уурагтай байдаг. Нэг өндөг 8г уураг агуулдаг. 60 г уургаа өдөртөө хувааж иднэ. Нэг удаа хооллохдоо 20 г уураг хэрэглэнэ гэсэн үг. Нүүрс ус бол хүнд зөвхөн энерги өгнө. Гурил, будаа, төмс бол нүүрс ус. Тос ханасан, ханаагүй гэж хуваагддаг. Загаснаас бусад амьтны гаралтай тос нь ханасандаа ордог. Масло, өөх тос мөн ханасанд тооцогддог. Ханаагүй гэдэгт ургамлын тос багтана. Ханасан, ханаагүй гэдэг нь химийн бүтцээс нь харагддаг л даа. Ханасан тос хүний биед ямар ч урвалд ордоггүй. Тэгэхээр ийм тос нүүрс ус шиг энерги болно. Ургамлын тос нь хүний биед янз янзын урвалд ордог болохоор ашиг тустай. Энэ бол макро шим тэжээл буюу гол бүтэц нь. Микро шим тэжээл гэж байгаа. Витаминууд, эрдэс бодисууд ордог. Витамин органик бүтэцтэй. Усанд болон тосонд уусдаг гэдгээрээ ялгаатай. Эрдэс бодист давсны төрлүүд орно. Хоолны давс бол натри хлорид шүү дээ. Натри нь хүний арьсны усны хэвийн байдлыг хангадаг. Кали нь хүний булчингийн эд эсийн усны хэвийн байдлыг хангадаг. Цайр бол хумс, үс бүх зүйлд хэрэгтэй. Олон төрлийн металлууд бүгд өөрийн гэсэн үйлчилгээтэй байдаг. Хоолноосоо бүгдийг нь авах хэрэгтэй гэсэн үг.

-Химичид бүх юмыг химийн урвал гэдэг үүднээс нь хардаг уу?

-Химичид бүгдээрээ тэгж харна гэж байхгүй. Монголд ирэхдээ зөв зохисгүй хооллолтоос болоод олон төрлийн халдварт бус өвчин ихсэж байгааг анзаардаг. Чихрийн шижин, цус харвалт их байна. Халдварт бус өвчин бол бусдаас халддаггүй өөрөө өөртөө бий болгоод байгаа өвчин. Тэгж бодохоор харамсалтай. Би хүмүүст хэлдэг. “Та машиндаа шаардлага хангасан тос авдаг. Тэгэхгүй бол машинд доголдол гарна, мотор эвдрэнэ. Гэтэл яагаад хоол идэхдээ бараг хор болохоор зүйлс идэж ууж байна вэ” гэж асуудаг. Одоо бол хоол харахаар нүүрс ус, тос харагдаад явчихдаг л даа. Хоол бол таныхаар ямар үүрэгтэй вэ?

-Хоол бол эрчим хүч авдаг зүйл. Бас амттай хоол гэдэг бол амьдралаас авдаг кайфуудын нэг.

-Хүмүүс ингэж хэлдэг юм. Хоол бол таныг амьд эрүүл байлгах үүрэгтэй. Хоёр дахь үүрэг нь амт. Зөв зохистой хооллолтын өдөрлөг дээр би хэлсэн. Бүх хүн өдөр бүр хоолондоо анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Тийм учраас ажлын таван өдөр эрүүл мэнддээ хэрэгтэй зүйл ид. Амралтын өдрүүд эрх чөлөөтэй, аз жаргалын цаг үе. Дуртай амттанаа ид. Ингээд явбал таны амьдралын 75 хувь нь зөв хооллолттой болно гэж хэлсэн.

-Зөв, зохистой хооллолтын талаар таныг сонсдог олон хүн байна. Харин химичид, эрдэмтэдтэй холбоо тогтоосон уу?

-МУИС-ийн химичидтэй Монголд ирэх болгондоо уулздаг. Тэнд гадаадад сураад ирсэн маш мэдлэгтэй залуус бий. Монголын нөхцөлд нано технологи, уул уурхайд химичид шаардлагатай байгаа. Тэд ажлаа сайн хийж байгаа.

-Мэргэжлийнхээ чиглэлээр ямар өндөрлөгт хүрэхийг хүсдэг вэ?

-Миний бодлоор яаж ийж байгаад германчууд бас монголчуудтай хамтарч ажиллахыг мөрөөддөг. Жишээ нь Монголд ган болоод авах ёстой ургацынхаа тал хувийг алдсан гэж байна. Миний мөрөөдөл химийн мэдлэгээ ашиглаад, Монголын газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх. Хэрвээ би Германд үр тарианы судалгаа хийж байгаа том компанид ажиллаад, магадгүй ургацыг хоёр дахин нэмэгдүүлж чадах ч юм билүү.

-Таныг Монголтой уяж байдаг зүйлс юу вэ?

-Мэдээж миний гэр бүлийнхэн, ээж, аав, өвөө, эмээ бүгд Монголд байдаг. Монголд ирэхэд салхи, шороо бүх юм ондоо мэдрэгддэг. Буянт-Ухаад буугаад “Монголд тавтай морил” гэсэн үг сонсох хамгийн сайхан.

-Ээж тань бас доктор хүн юм байна. Мэргэжлээ сонгоход чинь нөлөөлсөн үү?

-Миний ээж эдийн засагч хүн. Намайг химиэр сурна гэхэд ээж бараг харамссан. Намайг бас эдийн засагч болно гэж боддог байсан болов уу. Сургуульд байхад надад хими, физик, математик барьцтай, сонирхолтой санагдсан. Тийм болохоор сонирхсон чиглэлээрээ суръя гэж бодсон. Ээж “Миний хүү өөрөө шийд” гэсэн. Одоо бол “Миний хүү зөв шийдэж дээ” гэдэг. Би хэн юм бэ гэж өөрөөсөө асуусны эцэст химич болох юм байна гэдгээ ойлгосон.

-Германд байгаа монголчуудтай хэр холбоотой байдаг вэ?

-Германд монголчууд хаа сайгүй байдаг л даа. Багаасаа германчуудын дунд өссөн болохоор монголоо хайгаад яваад байдаггүй л дээ. Хайгаагүй болохоор надад монгол найз цөөхөн.

-Гаднаас Монголыг харахаар ямар өнгө төрхтэй мэдрэгддэг вэ. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлчих юм сан гэж бодогддог зүйлс байдаг уу?

-Тийм юм маш олон. Монгол маш их өөрчлөгдөж байгаа л даа. Зам их сайжирсан байна.

-Энэ зун хаагуур амрав?

-Өгий нуурт, Тэрэлжид очиж амарсан. Шарга морьтод лагерьт байрлаж байгаа. Тэндхийн зам өмнө нь их хэцүү байсан. Одоо бол гучин минут яваад очно. Монгол хөгжиж байгаа, их юм хийж байгаа гэдэг нь анзаарагддаг. Гэхдээ бас хийх ажил маш их байгаа. Эрүүл мэндийн салбарт тодорхой чиглэл алга. Хүмүүст мэдээлэл дутагдаж байна. Хагас үнэн мэдээлэл сошиалаар хаа сайгүй тархдаг. Тэрнийг л өөрчлөх хэрэгтэй гэж бодогддог.

-Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө зургаад босч, өглөөнийхөө цайг уугаад ажилдаа гардаг. Миний судалдаг чиглэлээр өөр олон судлаачид дэлхий даяар ажиллаж байгаа. Өглөө кофе уунгаа хэн, хаана, ямар юм хийчихэв гээд цаг орчим сэтгүүл уншдаг. Дараа нь лабораторийнхоо ажилд ордог. Өдөр гэртээ бэлтгэсэн хоолоо иддэг. Үдээс хойш тав, зургаа хүртэл ажиллаад, гэртээ хариад долоо хоногийн гурван өдөр спортоор хичээллэнэ. Миний хувьд чөлөөт цаг хамгийн үнэтэй. Спортоор хичээллэнэ, салхинд гарна. Монгол залуустаа зориулж видео бичлэг бэлтгэнэ.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Хамгийн сүүлд нэг хөгжилтэй ном уншсан. Тэр нь яаж олон найзтай болох вэ гэсэн философийн ном. Яаж нөхөрсөг байх вэ, олон найзтай байх вэ гэдэг нь таны сошиал, нийгэмтэй яаж харилцаж байгаагаас шалтгаалдаг.

-Эрдэмтэд гадаад үзэмжиндээ ч анхаардаггүй, судалгааныхаа ажилд л төвлөрсөн хүмүүс байдаг. Харин та бараг л кино жүжигчин шиг харагдаж байна?

-(инээв) Хувь хүнээс өөрөөс нь хамаардаг байх. “Миний хобби YouTube-ээр видео хийх” гэхээр Германд ч химичид гайхдаг. “Чи судалгааныхаа ажлын хажуугаар видео хийгээд, хүмүүст өөрийгөө харуулаад” гэдэг. Үнэхээр хэрэгтэй гэж үзсэн учраас би энэ ажлыг хийдэг. Түүнээс биш зарим залуус шиг сошиалаар “Би тэнд явж байна” гээд селфидээд, “Би өнөөдөр тийм юм худалдаж авлаа” гээд өөрийгөө рекламдаж байгаа юм биш. Үзэмжтэй байх сайхан. Гэхдээ миний гол зорилго хүмүүст зөв мэдээлэл хүргэх гэж хичээдэг гэх үү дээ. Таны хэлдгээр Германд зөвхөн шинжлэх ухааны ажилдаа анхаараад, өөр юм бодохгүй явдаг хүмүүс зөндөө. Тэд ч бас заримдаа хоолны талаар надаас зөвлөгөө авдаг.

-Хаана жаргалтай байна тэр миний эх орон гэсэн үг байдаг. Харин та ирээдүйд хаана амьдрах тухайгаа төсөөлсөн үү?

-Миний гэр бүл хаана амьдарвал аз жаргалтай, эрсдэл багатай гэдэг талаас нь анхаардаг. Нөгөө талаар Монголд ирэхэд хийх юм маш ихтэй санагддаг.

-Германд Монголыг сонирхдог химичид хэр олон байдаг вэ?

-Монголыг германчууд олон талаас нь сонирхож хардаг л даа. Нэг талаасаа эрдэс баялаг ихтэй гэж харна. Хэдэн жилийн өмнө Меркель энд ирээд явахдаа Монголын томчуудтай уулзаад, гэрээ хийгээд дараа нь нүүрс Герман руу ачигдсан. Нөгөө талаар хүн хүрээгүй газар ихтэй гэж маш их сонирхоно. Говьд байдаг ховор металлыг хятадууд л гаргадаг, монголчууд гаргаагүй байгаа. Тэр талаар химичид Монголыг ирээдүйтэй гэж хардаг. Монголд олборлох ч юм их, хийх ч зүйл их байдаг л даа. Тийм болохоор сонирхолтой газар.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллынхон жорлонгоо сайжруулахад оюутнууд тусалжээ

“Нутгийн шийдэл сан”-гийн байранд сайжруулсан жорлонгийн тухай мэдээлэл сонслоо. Жорлонгоо сайжруулах нь гэр бүлийн гишүүдийг халдварт өвчнөөс сэргийлэх, ая тух нэмэгдүүлэхээс гадна, хотын хөрс, ус агаарын бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Тус сангаас эко жорлон барих ажлыг санхүүжүүлж, оюутны дөрвөн баг Говь-Алтай, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Эрдэнэт хот, Өмнөговьд гэр хороололд амьдарч байгаа иргэдтэй хамтарч сайжруулсан жорлон барьсан юм. “Нутгийн шийдэл сан”-гийнхан асуудлыг шийдэх шинэ гарц, шийдэл санал болгохоос гадна орон нутгийн асуудлыг шийдвэрлэж чаддаг иргэдийг төлөвшүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулдаг байна. Төсөлд амжилттай хамрагдсан оюутнууд сургалтын тэтгэлэг хүртдэг юм.

“Нутгийн шийдэл” гэр бүлийн сан агаад тэргүүн нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, дэд тэргүүн түүний нөхөр Жеффри Фолт юм. Ц.Оюунгэрэл төслөө хэрхэн сайжруулах, яаж хэрэгжүүлэх, орон нутгийнхантай хэрхэн хамтран ажиллах сэдвээр оюутнуудад зөвлөгөө өгдөг. Тэрбээр хамгийн их жорлон ярьдаг гишүүн бас сайд байлаа. Гишүүн байхаа больсон ч үргэлжлүүлэн хийсэн ажлуудынх нь нэг жорлонг сайжруулах сэдэв. Тэр бүр “Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаас зохион байгуулдаг “Өтгөн, бохирын менежмэнт”-ийн олон улсын дөрөвдүгээр хуралд оролцож ирээд, дэлхийн улс орнууд жорлонгоо хэрхэн сайжруулж байгаа, энэ чиглэлд хийгдэж байгаа шинэ технологиудын талаар твиттерт “жиргэж”, хэвлэлд ярилцлага өгч байсан. Тэрбээр жорлонгийн асуудлаар ажилласан туршлагадаа дулдуйдан “Жорлонгоо сайжруулъя” ном бичиж байгаа гэнэ. Гэр хорооллын ариун цэврийн байгууламжид анхаарал тавьдаг улстөрчид эгнээгээ шинэ гишүүнээр тэлж байгаа бололтой. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгч Ц.Эрдэнэ тус дүүрэгт сайжруулсан жорлон барихад зориулж сая төгрөг хандивлаж, дэмжиж тусалсан гэсэн.

Төсөлд хамрагдсан оюутнууд нутгийн иргэд, засаг захиргаатай ойлголцож, сайжруулсан эко жорлонг стандартын дагуу байгуулжээ. Оюутнуудын төслийн танилцуулгыг сонсч байхад иргэд сайжруулсан нүхэн жорлонг илүү сонгож байгаа гэнэ. Энэ нь жорлонгийн нүхийг хөрс бохирдуулахгүйгээр битүү доторлосон, ялгадас дүүрсэн үед соруулдаг, бүхээг нь битүүмжлэл сайтай, агааржуулагчтай жорлон юм. Харин хуурайшуулах жорлонг яршиг түвэг ихтэй хэмээн түвэгшээсэн үү, мэдээлэл бага очсон уу төдийлөн сонирхоогүй байна. Урд хөршид бол хуурайшуулах жорлонгоос гарсан хатаасан “түүхий эд”-ийг ногооны талбайгаа бордоход ашигладаг юм билээ. Хуурайшуулах жорлонгийн зарчим нь ээлжлэн ашиглах хоёр суурьтай, ашиглахгүй өнжөөж байгаа суурин дахь ялгадсыг үртэс эсвэл, тусгай бодис хэрэглэн, агааржуулагч хоолой, нарны тусламжтайгаар хатаах зарчимтай. Зөвхөн стандартад зааснаас гадна иргэд өөрсдөө санаачлан нарны бяцхан хураагуур ашиглан жорлонгоо гэрэлтүүлэх, хүүхдийн болон насанд хүрэгчдийн хоёр тасалгаатай жорлон барих, хөгжлийн бэрхшээлтэй хүн суухад тохиромжтой болгон тохижуулах зэргээр жорлонгийн загварыг өөрсдийнхөөрөө сайжруулсан түүх ч энд яригдав. Говь-Алтайн Есөнбулаг суманд ажилласан О.Хантөр “Төсөл хэрэгжүүлсний дараа 50 айл сайжруулсан жорлонтой болох хүсэлтээ илэрхийлсэн” гэлээ.

Залуус стандартад заасны дагуу ажилласан ч өөр өөр шийдэл ашиглажээ. Баянзүрх дүүрэгт ажилласан О.Саранцэцэг нөхдийн хамт экскаватороор газар ухуулж, жорлонгийн нүхэнд том дугуй бетон кольцо суулган, түүнийгээ ялгадас нэвчихгүй байхаар битүү доторлосон гэж тайлбарлаж байлаа.

Жорлонг нэг загвартай, олноор нь үйлдвэрлэвэл өртөг багасах тухай энд яригдсан. Сайжруулсан жорлонгийн бизнесийн орон зай ч байна даа.

Түүнээс гадна иргэд жорлонгоо сайжруулахаар хөршүүд, гудамж, хороогоороо нөхөрлөл, бүлэгт нэгдвэл орон нутгийн засаг захиргаанаас дэмжлэг үзүүлж, зардал ихээр шаардаж байгаа газар ухах, экскаватороор кольцо суулгах гэх мэт техник шаардсан ажлуудыг нэгдсэн байдлаар зохицуулан, иргэдээс гарах зардал багасах талтай юм билээ.

О.САРАНЦЭЦЭГ: САЙЖРУУЛСАН ЖОРЛОНТОЙ БОЛОХЫГ ХҮСЧ БАЙГАА ИРГЭД МЭДЭЭЛЭЛ БАГАТАЙ БАЙНА

Баянзүрх дүүрэгт ажилласан О.Саранцэцэг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутан. Түүнтэй ярилцлаа.


-Өмнө нь жорлонгийн төсөл дээр ажилласан гэсэн үү?

-Энэ жил хоёр дахь удаагаа ажиллаж байна. Өнгөрсөн жил Баянгол дүүргийн 16 дугаар хороонд ажилласан. Өнгөрсөн жил айл өрхүүдэд мэдээлэл түгээсэн. Энэ жилийнх байгууламж барих илүү том төсөл байлаа.

-Жорлонгийн талаар маш их мэдээлэлтэй болсон байх?

-Олон жорлон судалсан. Нүхний хувьд ч олон янз байдаг. Тоосгоор, эсвэл битүү цементлэх, бетон ашиглаж болно. Эрэл хайгуул хийсний дүнд эцэст нь бетон ашигласан. Нүхээ яаж шийдэх вэ гэдэгт их цаг зарцуулсан.

-Жорлонгийн талаар зөвлөх мэдээлэлтэй туршлагатай хүн хэр олон байв?

-Цөөхөн байдаг. Сайжруулсан жорлонтой болохыг хүсч байгаа айлууд энэ талаар мэдээлэл багатай. Ямар загвартай жорлон барих, хамгийн хэцүү нь бие засах нүх тагтай байна гэдгийг ойлгуулах хэцүү байсан.

-Тагтай байх нь хүүхэд унах эрсдэлээс сэргийлсэн үү?

-Ялаа оруулахгүй, өмхий үнэр үүсэхээс сэргийлж байгаа юм.

-Гэр хорооллынхонд жорлонгоо өөрчлөх хүсэл хэр байна вэ?

-Хүсэл байна зүтгэл бага байна. Ялангуяа хотын иргэдийн хувьд.

-Фэйсбүүкт сайжруулсан жорлонгийн зураг хараад зарим хүн “Орост ийм жорлон байна” гээд модоор “зодож” хийсэн гоё жорлонгийн зураг тавьсан байна лээ. Үнэндээ жорлон гэр хорооллын иргэдийн төлбөрийн чадвартай уялдах ёстой. Иргэд жорлондоо хэдэн төгрөг гаргах чадах юм шиг байна?

-Тухайн айлаас шалтгаална. Зарим айл 300-400 мянган төгрөг гаргана гэж байхад зарим нь “Их мөнгө гаргаж чадахгүй. Жорлон тав, зургаан жил болоод дүүрэх юм чинь хэмнэж л байвал юугаар ч барьсан яадаг юм” гэх жишээтэй. Айл айлын амьжиргааны түвшнээс хамаараад янз бүр байдаг юм билээ.

-Та бүхний санал болгосон сайжруулсан жорлон ямар өртөгтэй боссон бэ?

-Нүх нь өндөр өртөгтэй учраас зардал жаахан өндөр гарсан. Нэг жорлон 500-600 мянган төгрөгт босч байсан. Нийт зардлын 50-70 хувийг нь манайхаас гаргана. Үлдсэн мөнгө нь та бүхнээс гарна гэж хүмүүст тайлбарласан. Гэхдээ дунджаар 150 000 төгрөг та нараас гарах байх гэчихсэн чинь нэмэлт зардал гарахаар бид нэмж гаргах шаардлагатай болсон л доо. Ер нь жорлон өндөр өртөгтэй босохоор байна. Уг нь манай багийнхан жорлонгийн бүхээгээ хямд материалаар хийсэн л дээ.

-Жорлонг соруулахаар шийдсэн юм билээ. Ямар хугацааны дараа дүүрэх вэ?

-Таван ам бүлтэй айл таваас зургаан жилийн дараа соруулна. Жорлонг битүү доторлосон учраас түүнээс арай богино хугацаанд ч соруулж болно. Сорох үйлчилгээ эрхэлдэг хувь хүн, компаниуд байдаг юм билээ. Өтгөн, шингэний хэмжээнээс хамаараад 60-80 мянгаар сордог юм байна.

-Танай төслийн хувьд нүх ухах зардал, кольцо гэж яриад байгаа бетон суулгахад зардал их гарчээ. Олон айл ийм хэлбэрээр жорлонгийн асуудлаа шийдэх бол дүүрэг, хорооны удирдлагуудтай хамтарч шийдвэл жорлонгийн өртөг багасгах боломжтой юу?

-Боломж байдаг юм билээ. Машин техник өндөр зардлаар ажилладаг. Тийм болохоор олон айлууд хамрагдвал зардал хямдруулж болох юм билээ.

-Суултууртай жорлонг өвөл ашиглаж болох уу, суухад хэр эвтэйхэн юм бол доо?

-Өвөл ашиглаж болдог юм билээ. Өвөлдөө зөөлөн, хөөсөн материал суултуур дээр нь тавьчихдаг юм байна.

Б.НОМИН-ЭРДЭНЭ: САЙЖРУУЛСАН ЖОРЛОНТОЙ АЙЛУУД МААНЬ ЦЭВЭРХЭН, ҮНЭРГҮЙ, ЖИШИГ ЖОРЛОНТОЙ БОЛЖ ЧАДСАН

Говь-Алтайд ажилласан О.Хантөр МУИС-ийн Санхүүгийн удирдлагын дөрөвдүгээр курст сурдаг.

Энэ төслийн тухай анх яаж сонссон бэ, хамтрагчдаа хэрхэн сонгов?

-“Нутгийн шийдэл сан” оюутнуудад тэтгэлэг өгдөг гээд Хөвсгөлд байдаг найзаасаа сонсч байсан. Нэг удаа фэйсбүүкт тэтгэлэг зарлагдлаа гэсэн мэдээлэл гарч ирсэн юм. Би Говь-Алтайд байсан. Төсөл бичих ёстой болсон. Төслөө хамт бичих шаардлагатай. Тэгээд ийм төсөл дээр хамтарч ажиллах чадвартай найзуудаа бодож байгаад Б.Номин-Эрдэнэд хэлээд, нэг баг болж оролцсон. Эхэндээ анх орон нутагт асуудал шийдье гэхээсээ тэтгэлэгийг нь илүү сонирхож төсөлд оролцсон л доо.

-Танай төслийн хувьд орон нутгийн засаг захиргааныхантай сайн хамтарч ажиллажээ. Оюутан хүүхдүүд жорлон бариулна гэхээр эхэндээ хүмүүс тоохгүй, яаж ойлгуулав?

– Бидний сайных биш Есөнбулаг сумынхны хандлага сайн байсан учраас биднийг сайн хүлээж авсан гэж бодож байна. Бас нутгаа хөгжүүлэх, орчноо сайжруулах гэсэн сэтгэлтэй хүмүүс олон юм билээ.

– Говь-Алтайнхан жорлонгоо сайжруулах сонирхолтой байжээ?

-Манай Говь- Алтайнхан жорлон, ариун цэврийн байгууламжаа сайжруулах талаар асар их идэвхитэй, хүсэл сонирхолтой ажилласан.

-Загвар сайтай жорлонгууд харагдаж байсан шүү?

-Бид төсөлд хамрагдсан айлуудынхаа дунд уралдаан зарласан. Төслөө үр дүнтэй хэрэгжүүлэх, жорлонг илүү боловсронгуй болгож хөгжүүлэхийг хүссэн.

-Танайх жорлонгуудаа гялгар уутаар доторлосон байлуу?

-Ихэнхийг нь бетондсон, гялгар уутаар доторлосон гэв.

Түүнтэй хамтарч ажилласан Б.Номин-Эрдэнэ Мандах бүртгэл дээд сургуулийн нягтлан бодох аудитийн ангийн оюутан. Харин Ж. Оюунтунгалаг Их засаг дээд сургуулийн хууль эрх зүйн ангийн оюутан юм байна.

-Жорлонгийн загвар сонголтыг яаж хийсэн бэ, иргэдтэй зөвлөсөн үү?

-Б.Номин-Эрдэнэ: -Иргэдийн саналыг авахаас гадна MNS 5924:2015 гээд ерөнхий стандартыг мөрдүүлсэн. Материал сонгоход иргэд өөрсдөө ийм юм гаргая гээд санал болгосон. Жорлонгийн бүхээг нь гэхэд л салхи,бороо орохгүй л бол төмөр, ч байж болно мод ч байж болох учраас иргэдтэй сайн ярилцаж шийдсэн.

-Танай төслийн хамгийн хямд болон үнэтэй жорлон хэдэд босов. Хотын төслийг бодвол арай хямд өртөгтэй сонсогдсон?

-210-250 мянгад стандартын дундаж жорлон босно. Харин хийц чанарыг нь сайжруулаад бүхээгийг нь томруулаад, хоёр хүнийх болгосон айлын жорлон 450 мянган төгрөгт боссон.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан суултууртай жорлон байл уу?

-Тийм. Хүү нь аавдаа барьж өгсөн болохоор сэтгэл гаргаад, өндөр настай хүнд зориулж ханандаа бариултай, суултууртай жорлон хийсэн. Нөгөө талдаа гэр бүлийн бусад гишүүд орохоор тооцоолж, хоёр бүхээгтэй жорлон барьсан юм.

-Өмнө нь та нар бас сайжруулсан жорлон байгуулсан юм билээ, тэр жорлонгууд хэр ашиглагдаж байна?

-Хөршүүд, нэг гудамжинд амьдардаг хүмүүс нь “Яаж барьсан бэ” гээд сонирхдог юм билээ. Сайжруулсан жорлонтой айлууд маань цэвэрхэн, үнэргүй жишиг жорлонтой болж чадсан.

-Агааржуулалтын системтэй учраас үнэргүй байна уу?

-Агааржуулалтын системтэй, жорлонгийн нүх нь таглаатай учраас үнэр нэвчиж гарч ирэхгүй.

-Жорлонгоо соруулахын тулд хаана хандах вэ?

-Говь-Алтайд бол Хот тохижилт үйлчилгээний газраас машин гараад 25-30 мянган төгрөгөөр үйлчилгээ үзүүлдэг юм билээ. Энэ үйлчилгээг хүмүүс тэр болгон мэддэггүй. Бид 2-3 метрийн гүнд ухсан учраас ойрын таван жил дүүрэхгүй. Агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлонг иргэд ихэвчлэн сонгосон гэлээ.

Ц.ОЮУНЧИМЭГ: АЖЛАА ЭХЛЭХИЙН ӨМНӨ ОЮУТНУУДДАА СУРГАЛТ ХИЙДЭГ

“Нутгийн шийдэл сан”-гийн хөтөлбөрийн зохицуулагч Ц.Оюунчимэг ярихдаа: “Нутгийн шийдэл сан” Олон улсын андуудын Монголын тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу найман жилд дөчөөд төсөл хэрэгжүүлсэн байна. Эхний хоёр гурван жил оюутнууд орон нутгийн нийгмийн асуудлыг шийдэх төслөө өөрсдөө санаачилж бичээд, манай шалгаруулалтад оролцож, шалгарсан багууд төслөө хэрэгжүүлэх эрх авч, сургалтын тэтгэлэг авдаг байсан. Энэ зарчим алдагдаагүй. Гурав дахь жилээсээ эхлээд сэдэвчилсэн төсөл рүү орсон. Хог хаягдлын чиглэлээр гурван жил ажиллаад, сүүлийн хэдэн жил “Эко жорлон”-гоор дагнаж байна. Эхний жил оюутны таван баг, таван өөр газар эко жорлон барьж үзсэн. Өнгөрсөн жил таван баг өөр өөр байршилд, эко жорлонгийн ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах мэдээлэл сурталчилгааны төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд Говь-Алтайн баг мэдээлэл сурталчилгааныхаа ажлын зэрэгцээ 15 жорлон айлуудаар бариулчихаад ирсэн. Тэр туршлагыг энэ жил багууддаа үргэлжлүүлж хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилийн төсөлд хамрагдсан хүүхдүүдээ энэ жил дахин хамруулсан. Гэхдээ сургуулиа төгссөн хүүхдүүд нь хасагдсан. Сургуулиа төгсөөгүй хүүхдүүд нь цуглахаар дөрвөн баг, дөрвөн өөр байршилд эко жорлон барих даалгавар өгсөн. Эко жорлон барих зардлын санхүүжилтийг өгсөн. Өнгөрсөн жил мэдээлэл сурталчилгаанд 600 доллар зарцуулж байсан бол энэ жил эко жорлон барих ажилд нь 1500 доллар өгсөн байгаа гэв.

Монгол Улсын дөрвөн төрлийн жорлонгийн стандарт батлагдсан. Стандартыг баталсан мэргэжлийн байгууллагаас хүн авчирч байгаад оюутнууддаа төсөл эхлэхийн өмнө хоёр өдрийн сургалт хийдэг. Бид өөрсдөө ч олон нийттэй, засаг захиргаатай яаж харилцах талаар хичээл заадаг. Мэргэжлийн байгууллага Wash action Mongolia (www.washaction.mn) гэж төрийн бус байгууллага байгаа. Тэд олон эко жорлон барьсан туршлагаа ярьж өгдөг. Оюутнууд газар дээрээ очоод асуудлаа бие дааж шийддэг” гэв.

“Нутгийн шийдэл сан”-гийн гүйцэтгэх захирал Б.Номинзул төсөл хэрэгжсэний дараа гүйцэтгэлтэй нь танилцжээ.

Тэрбээр ярихдаа “Говь-Алтайд өнгөрсөн жилийн төслүүдтэй танилцсан.

Настай, хөгжлийн бэрхшээлтэй аавдаа зориулаад, хүү нь орон нутагт бараг анх удаа суултууртай жорлон барьж өгсөнтэй танилцсан. Аав нь ярьж байна лээ. “Өвчиндөө шаналаад хэцүү байдаг. Өвдөхөөс гадна сууж тав тухтай бие засч чадахгүй. Тэр асуудалдаа шаналдаг байлаа. Жорлонтой болсоноос хойш ааш зан засраад, манай гэрийн уур амьсгал ч сайхан болсон” гэж ярьсан. Оюутнуудын хийж байгаа ажил үр дүнтэй нь харагдлаа. Жорлон гэдэг тэр бүр сөхөж яриад байдаггүй, хаалттай сэдэв юм байна. Орон нутагт өөрчлөлт гарч байна. Нэг засварчин “Манайд хүмүүс орж ирээд машин ярихгүй жорлон ярьсаар байгаад гарч байна” гэсэн. Машины зөвлөгөөнөөс гадна жорлонгийн зөвлөгөө өгдөг болсон гэж тэр хүн хэлсэн юм гэж хуучиллаа.

Д.УЛАМБАЯР: ЭКО ЖОРЛОНГ УРАМШУУЛБАЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД МААНЬ Ч ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР БОРЛУУЛАХ БОЛОМЖ БИЙ БОЛНО

Сайжруулсан жорлонгийн тухай яриа хөөрөөг засаг захиргааныхан шимтэн сонсч байсан нь анхаарал татсан юм. Баянзүрх дүүргийн Засаг даргын эдийн засаг хариуцсан орлогч Д.Уламбаяр ярихдаа:

-Баянзүрх дүүргийн хувьд гэр хороолол 70 орчим хувийг нь эзэлдэг. Дунджаар 68 мянган өрх нүхэн жорлон ашиглаж байна. Хөрс, агаарын бохирдол эмзэг сэдэв. Иргэд өөрийн санаачилгаар жорлонгийн шийдэл ярьдаг. Бид төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй байгаа. Байгаль орчны сайд, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Дарь- Эхийн Сэлбийн хэсэгт бас энэ эко жорлонгийн төсөл хэрэгжүүлж байгаа. Гэр хорооллын жорлонг эко болгох, соруулдаг болгох, шинэ технологи нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллана. Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан ажлууд байгаа гэв.

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын жорлонг сайжруулах боломж байгаа юу. Иргэд жорлондоо мөнгө гаргах сонирхол хэр байдаг вэ?

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэд хороон дээрээ юу хийхээ шийддэг. Санал аваад эхний эрэмбэлэгдсэн ажлуудыг хэрэгжүүлдэг учраас тохижилт хийе, цэцэрлэг барья, хашаа, гудамжаа сайжруулья гэсэн санал ирэхээс биш одоохондоо жорлонгоо сайжруулья гэсэн санал ирээгүй л байна.

-Эко жорлонгийн бизнесийг урамшуулж, татварын хөнгөлөлт эдлүүлбэл энэ төрлийн бизнеийг олон хүн сонирхож магадгүй?

-Одоо утааны эсрэг ажиллаж, шөнийн тарифыг хөнгөлсөн байгаа. Түүн шиг төр засгийн зүгээс эко жорлонг урамшуулдаг бол бизнес эрхлэгчид маань ч хөнгөлөлттэй үнээр зарж борлуулах боломж бий болно. Иргэдэд ч ашигтай. Утааны эсрэг шинэ техник технологийн үзэсгэлэн сая дөрөв хоног гарлаа. Иргэд шинэ зуух түлш, халаагуур судлаад явж байна. Ийм хэлбэрээр төр засгийн шийдвэр чиглээд явчихвал дор нь хэрэгжүүлэх боломж байгаа гэв.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Э.Батсайхан мөн сайжруулсан жорлонгийн шийдэл сонсохоор энд ирсэн байлаа.

-Иргэдийн зүгээс жорлонгоо сайжруулах эрмэлзэл хэр мэдрэгддэг вэ?

-Ер нь асар их мэдрэгддэг. Энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл хомс байдаг. Үлгэрлэх жишээ болох юм хэрэгтэй байна. Манай Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтөд ойрын хэдэн жилд орохооргүй хороод нэлээд хэд байгаа. Ялангуяа цэвэр усны ундарга дээр байдаг хороодод ийм төсөл маш яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

-Олон айл нэгдээд сайжруулсан жорлонтой болохыг хүсвэл нүх ухах, техникийн туслалцаа үзүүлэх боломж байгаа юу?

– Техник туслалцаа, хүн хүчний тал дээр туслалцаа үзүүлбэл үлдсэнийг нь хүмүүс хийгээд явчих юм байна гэж бодогдож байна гэв.

“Нутгийн шийдэл сан”-гийн хэрэгжүүлдэг оюутнуудад тэтгэлэг олгох төслийг найман жилийн турш санхүүжүүлсэн Жонаттан Войцел оюутнуудад хандан ингэж хэллээ. “Энд ирээд оюутанууд ямар төсөл хэрэгжүүлж, орон нутагт ямар өөрчлөлт хийж байгааг сонсох болгондоо урам авдаг. Орон нутагт шийдвэр гаргаж чаддаг иргэд бий болж байна. Багаар ажиллаж, хүмүүстэй харилцах замаар орон нутагт асуудал шийдэж чаддаг залуусыг бий болгохыг хүссэн юм. Орон нутагт нөлөө бүхий өөрчлөлтийг та бүхэн хийж байна. Бизнесмэн хүний хувьд та бүхэн ур чадвар сууж, орон нутагт үр ашиг бий болж байна гэдэг бол хөрөнгө оруулалтын эргэн төлөлт юм. Та нарын өмнө 80 жилийн ирээдүй байна. Өнөөдрийн олж авсан ур чадвар туршлага, мэдлэг та бүхэнд цаашдаа илүү том шийдвэр гаргахад тусална. Эмч, хуульч, жүжигчин, бизнесмэн, нягтлан бодогч барилгын ажлын талаар ойлголттой болно гэдэг гайхамшигтай. Та бүхэн энэ зуныг мартахгүй байх гэж найдаж байна” гэсэн юм.




Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосормаа: Цагааны бүтээснийг Улаан нь сүйтгээд байвал яах болж байна гэсэн үг заримдаа санаанд буудаг л юм

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормааг эх орондоо ирээд байхад нь ярилцлаа.


-Танай Элчин сайдын яамыг татан буулгах тухай сонсогдсон. Та эх орондоо бүрмөсөн ирэв үү?

-УИХ-ын 2013 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Индонез Улсад дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар шийдвэрлэж, 2014 онд эдгээр улсуудад манай ЭСЯ-д байгуулагдсан юм. Харамсалтай нь гурван жил ч хүрэлгүй ЭСЯ-даа татан буулгах шийдвэр гаргалаа. 2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон бол 2017 онд Монгол, Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. ЭСЯ-аа татан буулгаж байгаа тухай шийдвэрийг суугаа орондоо дуулгахаас өмнө амжиж ойн арга хэмжээгээ тэмдэглээд л ирэх шив дээ. ХБНБУ-д суугаа ЭСЯ нь Чили, Аргентин, Колумби, Перу улсуудыг хавсран сууж, бусад долоон улсыг хавсран хариуцдаг манай улсыг тус тивд төлөөлж буй цорын ганц дипломат төлөөлөгчийн газар байсан юм.

-ЭСЯ-аа нээгээд гурван жил ч хүрэлгүй татан буулгаж байгаа нь сонин юм аа?

-Дипломат төлөөлөгчийн газраа татан буулгах шийдвэрийг зөвхөн иргэдийн тоо, худалдааны эргэлтээр хэмжих нь учир дутагдалтай. Тухайн оронд амьдрах монгол иргэдийн тоог харгалзах ч цөөн хүн амтай манай орны хувьд гадаад харилцаагаа хязгаарлагдмал байдалд оруулах сул талтай.

Элчин сайдын яамаа нээх, татан буулгах шийдвэр гаргахын өмнө тухайн оронтой харилцах улс төр, эдийн засаг, хамтын ажиллагаанаас гадна тус орны олон улсын нэр хүнд, дэлхийн тавцанд идэвхтэй оролцогч эсэх болон манай хөрш орнуудад үзүүлэх тэдний нөлөө, эдийн засгийн харилцааг нь давхар харгалзах ёстой болов уу. Ялангуяа дэлхийд нэр нөлөө өсөж, эдийн засаг нь тэлж буй ардчилсан улс орнуудад Дипломат төлөөлөгчийн газруудаа байгуулах замаар дэлхийн эдийн засгийн интеграцид хурдацтай нэгдэж, далайд гарцгүй ч, даяарших хөгжил рүү гарцаа улам бүр нээх боломж бий. Өмнөх Засгийн газрын гадаад бодлогын алсын хараа ийм л байсан.

Татан буулгах шалтгаан нь төсвийн хүндрэлтэй холбоотой юм бол манай бүх дипломат төлөөлөгчийн газруудын байршил, орон тоо, хүний нөөц ба бүтээмжид ач холбогдол, үр ашгийн шинжилгээ хийн эрэмблэх замаар төсөв мөнгөө танах бүрэн боломжтой байсан. Мөн зарим ЭСЯ-ыг цомхотгон Элчин сайд дээр нэмэх нь нэг дипломат гэсэн бүтэц рүү шилжиж болно. Гэтэл ямар ч шинжилгээ хийгээгүй байж татан буулгах тухай яаруу шийдвэрээ өнгөрсөн оны төгсгөлөөр Гадаад харилцааны сайд маань хэвлэлээр мэдээлсэн. Монгол Улс шилжилтийн эдийн засгийн хүнд үедээ ч уламжлалт харилцаагаа хадгалан хоёр орны найрсаг харилцаанд сэв сууна хэмээн социалист байсан орнуудаас ЭСЯ-аа татан буулгаагүй юм даг.

-Ардчилсан намын угшилтай Элчин сайдуудтай ЭСЯ-дыг татан буулгалаа гэсэн яриа гарсан?

-Элчин сайд хугацаатай албан тушаалтан.Тэд байнга л солигддог. Харин хоёр орны хоорондын харилцаа өнө мөнх орших учиртай. Гэхдээ Баабарын нэгэн цагт бичиж байснаар “Цагааны бүтээснийг Улаан нь сүйтгээд байвал яах болж байна?” гэсэн үг заримдаа санаанд буудаг л юм.

-Гэхдээ Бразилтай манайхан нэг их наймаа хийгээд байдаггүй. Бразилчууд манайхаас юу авахыг сонирхдог бол, монголчууд юу оруулж ирэхийг хүсч байна вэ?

-Урьд нь Өмнөд Америкийн орнуудтай худалдааны харилцаа бараг байсангүй. Одоо л эхлэл нь тавигдаж байна. Өнөөдрийн байдлаар хоёр улсын хооронд дунджаар хоёр сая гаруй ам.долларын худалдааны жилийн эргэлттэй. Мэдээж үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ЭСЯ ажиллаж, анхны үр дүн гарсан. Өнгөрсөн есдүгээр сард Бразил-Монголын Худалдааны танхим байгуулагдаж, Бразилийн бизнесийн төлөөлөгчид манай улсад зочилсон бөгөөд энэ үеэр манай аж ахуйн нэгжүүд Бразилиас кофе худалдан авах гэрээ байгуулсан. Эхний ээлжийн 2.4 тонн кофены ногоон үрийн дээж Монголд орж ирээд байна. Өмнө нь эдгээр аж ахуйн нэгжүүд Өмнөд Солонгосоор дамжуулан бразил кофег үнэтэй худалдаж авдаг байсан бол одоо хэд дахин хямдаар авч, эх орондоо нэрж, үйлдвэрлэн цаашид гуравдагч зах зээлд гаргахаар зорьж байна. Түүнчлэн тахианы мах, буурцаг худалдан авах сонирхлоо манай талаас тавьсан бол Бразилийн талаас ноолууран бүтээгдэхүүн ба хивс импортлох хүсэлтээ илэрхийлсэн.

Дашрамд дурдахад ЭСЯ байгуулагдсанаар Монгол Улсыг ихэд сонирхож эхэлсэн юм шүү, эдгээр орнуудад.

-Нэг бизнесмен хэлсэн юм. Алсыг хардаг бизнес эрхлэгчид бол зөвхөн Монголын гурван сая хүнтэй зах зээлийг бус Хятад, Оросын зах зээлд гарах гарц гэж Монголыг хардаг гэж. Бразил махны хамгийн том экспортлогчдын нэг. Манайхан ч махаа гаргахаар оролдож байгаа. Хамтарч ажиллах алхмууд хийж амжив уу?

-Манай урд хөрш бол Бразил, Аргентин, Чили, Уругвайн худалдааны гол түнш. Хятад уруу экспортоо нэмэгдүүлэхийн төлөөх өрсөлдөөн Латин Америкийн орнуудад хүчтэй өрнөж байна. Тэд манай хөршүүдийг аль хэдийнэ бүчин тойрч хаяалчихаад байхад холын Бразил бидэнд юуны хамаа байхав гэсэн харалган бодлоор боломжуудаа алдаж болмооргүй. Түүнчлэн Европын холбооноос ОХУ-д эдийн засгийн хориг тавьсантай холбоотойгоор Оросын зах зээлийг эзлэх сонирхол эдгээр орнуудад улам бүр нэмэгдэж байгаа. Ялангуяа Бразил, Аргентин, Уругвай улсуудын амт чанартай үхэр, тахиа, гахай, хонины мах бэлтгэх технологи нь алдартай тул дэлхийн 100 гаруй улс эдгээр улсаас мах худалдан авч байна. Манай хоёр хөршийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед эдгээр оронтой хамтарсан махны үйлдвэрээ Монголд байгуулах боломжийг нээхээр ЭСЯ ажиллаж байлаа. Үр дүнд нь Аргентины Засгийн газрын техникийн туслалцааны “Өмнөд-Өмнөд”-ийн хөтөлбөрт Монголыг хамруулахаа илэрхийлсэн. Тэдний нэр хүндтэй Хөдөө аж ахуйн технологийн институт “ИНТА” -ын ажлын баг Монголд удахгүй ирж ажиллахаа мэдэгдээд байгаа. Аргентин бол малын вакцины чанараараа дэлхийд нэртэй орон.

-Латин Америкийн орнууд манай гуравдагч хөрш байх боломжтой гэж та үзэж байна уу?

-Монгол Улс хоёр гүрний дунд түгжигдсэн далайд гарцгүй орон. Далайд гарцгүй 44 орон байдаг. Дийлэнх нь хөгжил буурай улсууд. Далайд гарцгүй байх нь эдийн засгийн хөгжлийг сааруулдгийн нийтлэг жишээ юм. Монгол аль болох гадаад харилцаагаа тэлж, хоёр хөршийн хамаарлаас ангижирахыг эрмэлзэх нь зүй. Тиймээс ч манай гадаад бодлогын үндэс бол хоёр хөрштэйгээ эв найртай, тэнцвэртэй харилцааг эрхэмлэхээс гадна гуравдагч хөршийн бодлогыг сүүлчийн хорь гаруй жил хөгжүүлэхийг чармайх болсон.

Гуравдагч хөршийн тухай ярихаар зарим хүмүүс хоёр хөршөө үл ойшоосон бодлого хэмээн эмээдэг. Миний бодлоор бол харин ч эсрэгээрээ хоёр их зах зээлийн дунд оршиж байгаагаа соргогоор мэдэрч, гуравдагч хөршийн бодлоготойгоо уялдуулах нь ухаалаг санагдана. Сул талаа давуу тал болгон хувиргах стратеги юм.

Ялангуяа манай хоёр хөршийн зах зээлийн төлөө өрсөлдөж буй Латин Америкийн улс орнуудаас хөрөнгө оруулалтыг татаж, техник технологийг нэвтрүүлэн, хамтын үйлдвэрүүдээ байгуулах өргөн боломж бий. Эдгээр орнууд манай хөршүүдтэй улс төр, эдийн засгийн сайн харилцаатайгаас гадна ямар нэгэн зөрчил, маргаангүй нь сайн талтай. Тухайлбал их зах зээлдээ ойртохыг тэмүүлж байгаа эдгээр улсуудад зориулсан аж үйлдвэрийн цогцолбор бүхий чөлөөт бүсүүдийг яагаад байгуулж болохгүй гэж. Коста Рика Улс яг л ингэж хөгжсөн байдаг.

-Коста рикагийн чөлөөт бүсийн сайн туршлага юу байв?

-Коста Рика богино хугацаанд хурдацтай хөгжсөн гайхалтай улс. Манай Сэлэнгэ аймгаас ялихгүй том газар нутагтай, байгалийн баялаг ядмаг тул эдийн засаг нь кофе, банан жимсний экспортод дөнгөн данган дүүжигнэж байсан нь саяхан. 1981 оноос чөлөөт бүсийг чөлөөлөх, бодлого явуулсан юм билээ. Тэд чөлөөт бүсийг асар том агуулахтай худалдааны лангуу төдий газар биш, харин чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, амьдрал буцалсан зах зээлийн талбар болгон хувиргасан. Чөлөөт бүсдээ газар эзэмшүүлж, үйлдвэрээ байгуулахыг гадаадын компаниудад уриалж тэднийг татвараас эхний найман жилд 100 хувь, дараагийн дөрвөн жилд 50 хувь чөлөөлсөн байдаг. Харин сүүлийн жилүүдэд чөлөөт бүсэд дан үйлдвэр биш бас үйлчилгээний сүлжээ компаниуд ажиллах нь нэмэгджээ.

Хоёр хөршдөө түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолбор бүхий чөлөөт бүсүүдийг байгуулж, яг л Коста Рика шиг дэлхийн эдийн засгийн интеграцид хурдацтай нэгдэх боломж бидэнд ч бий.

-Та бодлогын судалгаа хийдэг хүн. Монгол дэлхийн зах зээлд өөрийн орон зайг бий болгохын тулд юугаараа ялгарах ёстой вэ?

-Монгол Улс хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон руу шилжиж байж л хөгжинө. Гэхдээ Уругвай улс шиг “ялгарах” стратеги барих хэрэгтэй болов уу. 3.5 хүнтэй Уругвай яг Монгол шиг хоёр том гүрний дунд оршдог. Бразилийн эрхий хуруу, Аргентины долоовор хурууны хооронд хавчуулагдан усан үзэм шиг бөнжийн тогтсон улс хэмээн тэдний тухай хошигнон хэлдэг юм билээ. Бас манайх шиг хонины аж ахуй түлхүү эрхэлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ дэлхийг тэжээх хэмжээнд хүрсэн хоёр том хөрштэйгээ ижилсэх биш харин ялгарахын тулд тоо биш чанарыг голлосон. Өөрөөр хэлбэл органик бүтээгдэхүүнийг хямд үйлдвэрлэхийг зорьсон байдаг. Бид ч цэвэр, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээрээ бусдаас ондоошиж чадна. Монгол гэдэг нэр органик гэдэг утга илэрхийлэх болтлоо дэлхийд танигдмаар байна.

-Монголчууд Чилийн амжилтыг их сонирхдог. Тэд яаж байгалийн баялгаас хараат бус болов?

Чили манайх шиг байгалийн баялгаас, тэр дундаа зэсээс хамаарсан эдийн засагтай байсан нь саяхан. Тиймээс тэд эдийн засгаа төрөлжүүлэн эрдэс баялгаас бусад бүх төрлийн бүтээгдэхүүнийг “уламжлалт бус” хэмээн нэрлэх болсон. Уламжлалт бус экспортын бүтээгдэхүүн болох хулд, яргай загас, гахайн мах, дарс, жимс, мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний экспортод эргэлт гаргахын тулд эрэл хайгуул хийж эхэлсэн бөгөөд судалгаа шинжилгээний байгууллагууддаа хөрөнгө оруулан шинэ бүтээлийг хөхиүлэн дэмжих бодлого баримталсан байдаг. Нэг жишээ хэлэхэд 1980 оноос хулд загас үржүүлэх бүтэлгүй туршилт арваад жил үргэлжилсэн ч чиличүүд бууж өгөлгүй, олон удаагийн алдагдлын дараа сэрүүн цаг агаар, далайтай хил залгаа газарзүйн тогтоц талаасаа ижил төстэй Норвегийн туршлагыг амжилттай нутагшуулж чадсан нь гайхалтай. Харин одоо 70 гаруй оронд хулд загас нийлүүлж, жилд тэрбум ам.долларын ашиг олж байгаа нь зэсийн дараах том экспорт болжээ. Чили одоогийн байдлаар 62 орныг хамарсан чөлөөт худалдааны гэрээ байгуулаад байна. Олон хүн тэр дундаа УИХ-ын гишүүд Чилийн эдийн засгаа солонгоруулсан нууцыг асуудаг. Тэр нууц бол шинжлэх ухаанд хөрөнгө оруулалт хийж, зорилгоо тодорхойлж, стратегиа хэрэгжүүлэх бүтцийг бүрдүүлж өгсөнд байгаа болов уу.

-Таны бичсэн Латин Америкийн орнуудын хөгжлийн туршлагууд цувралаар нийтлэгдээд эхэлсэн байна билээ. Ном болгоно гэсэн үү?

-Латин Америкийн орнууд бидний өмнө яг одоо тулгамдаж байгаа бэрхшээлүүдийг даван туулж байгаа нэн шинэхэн түүхтэй улсууд. Манай ЭСЯ олон тооны байгууллагуудыг хооронд нь холбож өгсөн. Үр дүн нь эхнээсээ гарсаар л байна. Бразил бол хоршооллын хөдөлгөөнөөрөө дэлхийд алдартай. Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч Н.Энхболдын урилгыг Бразилийн Хоршооллын холбооны Ерөнхийлөгчид гардуулсан бөгөөд айлын тал Монголд зочлохоо илэрхийлсэн байгаа. Энэ оны аравдугаар сард Олон Улсын Хоршооллын холбооны дэмжлэгтэйгээр туршлага солилцох хурал Монголд зохион байгуулагдана. Мөн Бразилийн Мэргэжлийн холбоодын төлөөлөгчид Монголд ирэхээ мэдэгдээд байгаа. Тэдний Мэргэжлийн холбоод нь Мэргэжил Сургалтын Үйлдвэрлэлийн төвүүдээ хариуцаж салбарынхаа хүний нөөцийг өөрсдөө бэлтгэдэг туршлагатай. Бразилд аж үйлдвэр үсрэнгүй хөгжсөний гол нууц бол энэ. Монголд МСҮТүүдийг хувьчлах гэж яаралгүй Мэргэжлийн холбоодод нь хариуцуулан өгөх нь зөв шийдэл болох тул бразилчуудаас суралцах зүйлс их гарна гэж бодож байна. Мөн Иргэдийн оролцоотой төсвөөрөө дэлхийд алдартай Порто Алегре хот байна. Тэдний туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

-Та гадаадын сайн туршлагыг олж харж, нүүр хуудсаараа дамжуулж хүмүүст хүргэж байлаа. Гадаадын сайн туршлага чухал ч улс орон болгон өөрийн онцлогтой.нэг улсад сайн хэрэгжсэн бодлого нөгөө улсад зохицохгүй байх нь олон?

-Монгол Улс цөөн хүн амтай ч дийлэнх нь залуучууд. Өөрөөр хэлбэл аливаа шинэлэг санааг тусган уян хатан зохицох, хэрэгжүүлэх чадвар сайтай. Тэр тусмаа техник технологийн эрин үед энэ чанар маш чухал. Олон улс орон зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдахаас хальж, оюуны мэдлэг, шинжлэх ухааны бүтээл, ноу хаугаа нийлүүлэхийг эрмэлзэх боллоо. Үүнийг ухаалаг хүчний бодлого гэж нэрлэх нь бий. Аливаа хөгжил шинэлэг санаанд тулгуурлан хөгждөг. Нэг улсаас нөгөө улсад, нэг хотоос нөгөөд сайн туршлагууд нэвчин агуулга, өнгө төрхөө олон баяжна. Үүнийг хөгжил нутагших гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл гадны хэрэглэж байсан шинэлэг арга зам тухайн орны хөрсөнд бууж, өөриймсөхийг хэлж байгаа юм. Энэ бол шууд хуулбарлах муйхар аргаас өөр. Шинэ туршлагыг нутагшуулах ажлыг үндэсний мэргэжилтнүүд хийдэг юм шүү дээ. Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэн шинэ санаа, сайн туршлагыг монголын хөрсөнд монгол хүний ухаанаар дахин инженерчилж байгаа хүмүүс төрд ч, төрийн бус байгууллага, хувийн хэвшилд ч олноороо бий. Чухам тэрхүү бүтээлч хүмүүсийн хүчээр нийгэм урагшилдаг. Нийгэм, салбар, байгууллагынхаа өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг зорьж байгаа энтрепрейнерүүдэд зориулан Латин Америкийн шилдэг туршлагуудыг баабар.мн дээр цувралаар нийтэлж байгаа. Удахгүй ном болгож хэвлүүлнэ.

-Бразилийн Ерөнхийлөгчийн авлига хээл хахуулийн хэргийг олон хүн сонирхож байгаа.Та ойроос харсан хүний хувьд онцлох юм бий байх?

-Бразилийн нэртэй улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн сүлбэлдсэн авлигын хэргийг илчилсэн “Машин угаалга” мөрдөн шалгах ажиллагаа богино хугацаанд амжилтад хүрч байгаагаараа дэлхийд танил болж байна.

Энэ ажиллагаа 2014 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 232 хүнийг сэжигтнээр татан шалгаж 160 хүнийг хорьж, 10 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг царцаан, улс төрчдийн оффшор данснаас мөнгийг нь татан, улсын орлого болгож байна. Конгрессийн хоёр танхимын дарга огцорч, Ерөнхийлөгч Мишел Темер ч мөн л авлигын асуудалд нэр холбогдлоо. Сая сая бразилчуудын бахархал болж байсан Ерөнхийлөгч асан Лула да Сильва сарын өмнөхөн 9.5 жилийн ял аваад байна.

“Машин угаалга” бол хараат бус шүүх засаглал нийгэмд шударга ёсыг тогтоож, ардчиллыг сахин манаж чаддаг гэдгийг харуулсан амжилт. Шударга ёсыг тогтоож байгаа шүүхээ ч, шүүгчээ ч ард түмэн хамгаалаад эхэлдэг юм билээ.