Categories
мэдээ нийгэм

Пицца

Пицца зурган илэрцүүдСүүлийн үед миний хувьд гэртээ пицца хийх нь Монголын их амар амгаланг мэдрүүлдэг зүйл болоод байна. Пицца гэхээр харь сонсогдож магадгүй, эсвэл гадаад хоолны нэр хэлж чамирхах гэсэн ч хэрэг бус. Бага насны дурсамжинд өвөө маань цагаан сараар гэртээ ул боов чанаж, хүүхдүүд бид бэмбий нухаж байсан нь юутай их амар амгалан амьдрал байсныг сануулдаг. Эмээ маань наадмаар хашаандаа хонь гаргуулж, тогоо дүүрэн гэдэс чанаж, хонины толгой шийр хуйхалж өгөхөд амттайг нь яана. Энэ бүхэн миний мэдэх аз жаргал.

Пицца ердөө л миний гал тогоондоо хийж чадах ул боов, гэдэс чанахтай адилхан үйл. Ажил төрлийн онцлогоос болоод ч тэрүү гэрийн ажилд маруухан надад сонирхол татах хоол олдсон нь энэхүү “хачиртай гамбир”. Анхны пиццаны маань гурил жигтэйхэн хатуу байж билээ. Харин бүжинхэн хүү маань “Ээж ээ, пицца хийж өгсөнд баярлалаа” хэмээн бөөн баяр болсон учраас ч тэрүү хийх дуртай болж орхисон юм. Шинэ жил дөхөх тусам пицца хийж, гал тогоондоо хэдүүлээ бужигнаж, хүүхдүүд туслах тогооч болж, ширээ тойрон халуун ам бүлээрээ суухыг хүснэ. Дэндүү энгийн хүсэл байж магадгүй. Гэхдээ л үлгэрт хундага тавилгүй дарс ууж, хутга тавилгүй мах идэн, найрлан суух нь аз жаргалтай төгсгөл шүү дээ.

Хоол унд ширээ дүүрэн элбэг хангалуун, элгэн саднаараа эрүүл энх байх нь хүн төрөлхтний хамгийн энгийн бас мөнхийн хүсэл ч юм билүү.


Categories
мэдээ цаг-үе

П.Оюунчимэг: Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчирхийлсэн гэдгийг хэний ч нүднээс нууж чадахгүй баримт нь өсвөр насны хүүхдийн жирэмслэлт

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Та энэ оныхоо ажилд ямар дүн тавьж байна вэ. Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал өмнөхөөс дордсон уу, ахиц дэвшил гарав уу?

-Хүний эрхийн асуудлыг авлигын индекстэй адил дугаарлаад, байр эзлүүлэх боломжгүй. Яагаад гэхээр улс орон болгон өөрийн онцлог, ёс заншил, хууль дүрэмтэй. Хүний эрхийн зөрчил ч улс болгонд өөр. Дэлхийн хаана ч хүн болгон заяамал, жам ёсны эрхээ эдэлж, нийгмийн харилцаанд тэгш эрхтэйгээр оролцох алтан дүрэм үйлчилдэг.

Хүнээ мартчихсан төр улсад хүний эрхийн асуудал яригддаггүй. Төртэй холбоотой бүх л асуудалд хүний эрхийн асуудал зайлшгүй яригддаг. Хүний эрхийг хууль дүрмээрээ хэр зэрэг баталгаажуулсан бэ, энэ нь амьдралд яаж хэрэгжиж, нийцэж байгаа вэ гэсэн гол шалгуур нь хууль тогтоомж, түүний хэрэгжилт.

Манай улс хууль дүрэмгүй, хүнээ мартчихсан юм биш. Нийгэмд үйлчлэх ёстой бүх л дүрэм журам хууль тогтоомжийг хийж явсан байдаг. Гэхдээ 1992 оны Үндсэн хуульд өмнөхөөс ялгаатай нь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой бүлгийг тусгайлан оруулснаараа онцлог. Энэ утгаараа манай Үндсэн хуулийг ардчилсан, иргэндээ үйлчилсэн гэж судлаачид үздэг юм билээ. Яагаад хүний эрхийн асуудал Үндсэн хуульд орж байна вэ? Монголчуудын эрх заавал Үндсэн хуулиар баталгаажих ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ. Гол зохицуулалт нь иргэний жам ёсны, хууль ёсны эрхүүдийг төр зөрчихөөс л хамгаалж байгаа юм. Хүний эрхийг хамгийн том зөрчигч нь төр байдаг.

Хүний эрхийг зөрчсөн хууль гаргаж болохгүй нь. Төр гурван үүрэгтэй. Нэдүгээрт төр иргэнийхээ эрхийг хүндэтгэх ёстой, хоёрдугаарт, иргэнийхээ зөрчигдсөн эрхийг хамгаалах ёстой, гуравдугаарт, нь төр иргэнийхээ эрхийг хангах ёстой. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүний эрхийн асуудал яригддаг.

Бид 1992 онд баталгаажуулж тунхагласан Үндсэн хуульд заасан хүний эрхийг хамгаалах байгууллага, энэ эрхийн төлөө ажилладаг хүмүүс байх ёстой гэж үндсэндээ 2000 онд Хүний эрхийн үндэсний комиссын хуулийг баталсан шүү дээ.

1961 онд НҮБ-ын гишүүн болсоноос хойш Монголын төр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тусгайлан үүрэг хүлээх болсон. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээг шударгаар сахин биелүүлэх үүрэгтэй. Гэтэл олон улсын гэрээний тухай хуульд Монгол Улсын хуультай харшилсан олон улсын гэрээг соёрхон батлахгүй гэсэн тусгай зохицуулалттай. Хүний эрхийн чиглэлээр нэгдэн орсон 50 гаруй гэрээ конвенцийг Монгол Улс үндэсний хууль тогтоомждоо харшлаагүй гэж үзсэн учраас заримд нь тайлбар хийхгүйгээр, заримд нь тайлбар хийн нэгдэн орж, өнөөдөр Монгол Улсын нутагт дэвсгэрт хоёр хууль үйлчилж байгаа. Нэг нь олон улсын гэрээнүүд, нөгөөдөх нь дотоодын хууль тогтоомжууд.

Энэ бүх хуулийн зохицуулалт иргэнд тэгш үйлчлэх ёстой гэдэг алтан зарчим л хүний эрхийн гол суурь болдог.

-Хүнээ мартсан нийгэмд хүний эрхийн тухай яригддаггүй гэж та хэллээ. Хүний эрх зөрчигдсөн талаар их ярьж байгаа нь муу биш байх нь ээ?

-Иргэд эрхийнхээ төлөө тэмцэж байна. Энэ бол нэг давуу чанар. Эрхийн төлөө тэмцэнэ гэдэг энэ нийгэмд би тодорхой үүрэг, хариуцлагатайгаар оролцдог гэдгээ мэдээд байгаа хэрэг.

Өнөөдөр бид яагаад хүүхдийн эрхийн тухай яриад байгаа юм бэ.

Хүүхдийн эрх зөрчигдсөн асуудлыг өнөөдөр бий болсон мэтээр шуугиж байна шүү дээ. Хүүхэд насыг дамжаагүй хүн гэж үгүй. Гэтэл өнөөдөр гарч байгаа хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчил өмнө нь байсан уу гэвэл байсан. Манайхан дуугүй явж явж байгаад, нэг том хэрэг гарангуут өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг л баахан шуугиад өнгөрдөг. Үүнийг таслан зогсоохын төлөө хийж байгаа тэмцлийн үр дүн өнөөдөр ямар байна гэдгийг бид гол нь яриад байгаа юм.

Яагаад үүнийг хэлээд байна гэхээр Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуульд зааснаар жил болгоны эхний улиралд багтаан УИХ-д илтгэл өргөн барьдаг. Энэ илтгэл Хүний эрхийн үндэсний комиссын тайлан биш. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа бүх хүний Үндсэн хууль болон бусад олон улсын гэрээнд заагдсан, баталгаажуулж тунхагласан эрхийн асуудлууд Монголын нийгэмд яаж хэрэгжиж, хэрхэн зөрчигдөж байна гэдгийг дүгнэсэн тайлан, хүний эрхийн зөрчлийн томоохон асуудлуудыг судалгаатайгаар гаргаж тавьдаг илтгэл юм. Хэрэв энэ илтгэлд төрийн байгууллага, УИХ, Засгийн газар нь ач холбогдол өгч, жил бүрийн илтгэлүүдийг нэг бүрчлэн асуудал болгон дээр хэлэлцэж, таслан зогсоох арга хэмжээг хариуцсан байгууллагууд хийж, үр дүнд хүрсэн бол би өнөөдөр хүний эрхийн зөрчил буурсан тухай ярьж болно.

Мэдээж дэвшилттэй юм бий. Байнга яригдаж, үр дүнд хүрсэн өчнөөн асуудал байна. Хамгийн гол нь бид нэг улсад нэг юмны төлөө ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Би яам тамгын газруудыг бүх ажлаа хаяад ганцхан хүний эрхийн төлөө тэмц гэж хэлж чадахгүй. Гэхдээ үйл ажиллагаа нь хүний эрхэд суурилсан хандлагатай байх учиртай. Хүнээ бодсон байх ёстой. 192 орон оролцсон НҮБ-ын чуулган дээр Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцээд гаргасан зөвлөмжүүд бий. Дэлхийн улс орнууд танай улс үүнийгээ сайжруул энэ чинь болохгүй байна гээд өгсөн зөвлөмжүүд нь хэдхэн зүйл байдаг. Нэгдүгээрт нь, хууль эрхзүйн орчноо сайжруул гэдэг.

Хоёрдугаарт нь, бодитой үр дүнтэй үйл ажиллагаа явуул гэдэг. Гуравдугаарт нь, үүнийгээ төрийн байгууллагуудын хэвшмэл үйл ажиллагаа болго гэсэн ийм л гол зөвлөмжүүдийг өгдөг. Зөвлөмжийн агуулга нь ийм байдаг.

Олон улсын гэрээгээр хүлээсэн заалтуудыг шийдвэр гаргаж байгаа түвшин болон хууль хяналтын байгууллагынхан маань хэрэглэж мэдэхгүй байна. Та нар олон улсын гэрээнд нэгдэж орсон бол үүнийгээ практикт хэрэглэ гэж бид үндсэндээ 16 жил ярьж байна. Ялангуяа олон улсын гэрээний зүйл заалтыг хүний эрх ашгийг хангах, хамгаалах үүднээс хэрэглэхгүй байна. Ерөөсөө л дотоодын хууль тогтоомжоор хязгаарлагдсан мэдлэгтэй хүмүүс байна. НҮБ-ын байгууллагаас гаргаж байгаа зөвлөмж нь олон улсын гэрээг хууль шүүхийн байгууллагадаа хэрэглэх практик тогтоо гэсэн шаардлага тавьдаг. Үүнийг 2008 онд шиг санаад байна Улсын Дээд шүүхийн нийт шүүгч нартай тусгайлсан уулзалт хийж, олон улсын нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актуудыг хууль шүүхийн байгууллагад хэрэглэх тухай тогтоол гаргуулж байсан юм. Үүнийг бүх шатны шүүгч нар, хууль хяналтынхан хэрэглэх ёстой.

Алхам алхмаар дэвшил гарч байна. Олон улсын гэрээг хэрэглэхгүй байна гэдэг манайх шиг эрх зүйн тогтолцоо нь олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомж нь параллель явдаг улсын хувьд зөвхөн нэг талыг шүтсэн хэрэглээ болоод байгаа юм. Дотоодын хууль тогтоомжоор зохицуулагдаагүй дэлхий нийтийн хэмжээнд дагаж мөрдөж байгаа олон улсын гэрээнүүдэд тухайн асуудлыг арай өргөн цар хүрээтэй зохицуулсан байдаг. Хүний эрхийн асуудал үүн дээр ажиглагдаж байдаг.

-Нийгмийг цочроосон гэр бүлийн хүчирхийллийн ноцтой хэргүүд гарах боллоо. Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх үндсэн шалтгаан юу байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл хоёр талтай. Нэг нь дээд зэргийн хүчирхийлэгч нар байдаг. Хоёрдугаарт, тухайн нөхцөл байдлын улмаас хүчирхийлэл үйлдчихсэн хүмүүс бий. Хүчирхийлэл хүний зан үйлтэй холбоотой. Зан үйл бүрэлдэн тогтоход суурь хүмүүжил нөлөөлнө. Нөгөө талаар нийгмийн харилцаа хүмүүсийн амьдралд маш их нөлөөлж байна. Нийгмийн харилцааны үндэс гэр бүл. Гэр бүл хэр зэрэг тогтвортой байна. Гэр бүлийн харилцааны үнэт зүйл юу болчихоод байна вэ. Гуравдугаарт, нийгмийн нөхцөл байдал хүмүүсийн амьдралд яаж нөлөөлж байна гэдэг асуудал суурь нь юм билээ. Жишээлбэл, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа гэр бүлийн жишээг авч үзье. Манайд ирдэг гомдлууд дээр би яриад байна. Эхнэр нь амаржлаа. Хүүхдээ асрах шаардлагатай. Нөхөр нь хувийн бизнес эрхэлж зээл авлаа, зээлээ төлж чадахгүй дампуурлаа. Тэр гэр бүл яаж амьдрах вэ. Зээл, хүүний дарамтанд орно. Мөнгө төгрөгний маргаан үүснэ. Нөхөр нь гэр бүлээ тэжээх гэж бүх л аргаа хэрэглэнэ. Тэгж яваад хэрэгтэн болчихдог. Түүнээсээ болоод уурлана хэрэлдэнэ зодолдоно. Даамжирсаар байгаад гэр бүл сална. Гол асуудал нь хүүхэд өнчирдөг. Долоон нас хүрээгүй хүүхдийг ээжид нь өгөөд, долоон нас хүрэхээр нь эцэг эхийнхээ хэн дээр нь очих вэ гэдэг асуудал яригдана. Хүүхэд хүчирхийлэлд байна уу, эрүүл бус орчинд байна уу гэдэг асуудал сөхөгддөг. Өргөдөл гомдол, шалгалт судалгааны явцад харахад бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа тохиолдлын ихэнх хувь нь төрөл төрөгсөд, ах дүү садан, хойд болон төрсөн эцгийн зүгээс үйлдэгдэж байна. Энэ бол ялзрал.

Эмэгтэйчүүдийн хувьд хүчирхийллийг таслан зогсоох эцсийн арга нь хэн нэгнийхээ амийг авч байж төгсч байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь ярьж байгаагаар “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох миний эцсийн арга энэ байсан” гэж ярьдаг. Амьдрал юу болоод байгааг нэг удаа ч болов газар дээр нь очиж харах хэрэгтэй. Бид дандаа ядарсан хүмүүстэй ажилладаг. Тэр айлуудаар ордог. Бүгдтэй нь зууралдаж явдаг хүний хувьд би хэлж байгаа юм.

Хичнээн олон мянгаараа Улаанбаатарт шилжиж ирээд ямар нөхцөлд энэ хүмүүс амьдарч байна. Хүүхдүүдийн сурч боловсрох эрх, ээж аавын үүрэг хариуцлага, эрүүл, аюулгүй хүчирхийлэлгүй орчин нөхцөл хаана байна?

-Та олон жил хүний эрхийг хамгаалах гэж явж байна. Цөхрөх үе байдаг уу?

-Нэг жишээ хэлье. Саяхан Дархан-Уул аймагт гэр оронгүй хүүхэдтэй эмэгтэй таван жил хоригдох ял авлаа. Шүүх таван жил хорьсугай гээд шийдвэрээ уншчихсан. Хүүхэд хэний асрамжинд байх, яах ёстойг уг нь шийдэх ёстой шүү дээ. Гэтэл тэрийг шийдээгүй. Дараа нь энэ хүн нэг настай хүүхэдтэй юм байна гэдэг асуудал яригдахад хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх шийдэж байна л даа. Гэхдээ энэ пүрэв гаригт болсон асуудал. Хонгор сумын хамтарсан багт хүүхдийн асуудлыг шийд гээд захирамжиндаа заасан. Шүүх хурлын дараа хүүхдийг нь авах хүн байхгүй. Цагдан хорих байранд эмчийн өрөөнд хүүхэдтэй нь хамт хонуулж байгаа юм. Шүүх прокурор, хүүхэд хамгааллын байгууллагынхантай би ярьсан л даа. “Та нар хэрэг шалгах явцдаа энэ нялх хүүхэдтэй эмэгтэй тэдэн жилийн ял авна гээд хэргийг нь хянаж, мэдэж байсан. Хүүхдийн асуудал яах вэ гэж урьдчилж хардаггүй юм уу” гэж асуусан. Харамсалтай нь тэрийг хэн ч мэдэхийг хүсээгүй. Гэр бүл хүүхэд залуучуудын газрын даргатай ярьж, хүүхдийг яаралтай хамгаалалтад авахуулах жишээтэй. Миний асуудал биш манайд хамаагүй гэдэг хандлагыг болих хэрэгтэй.

Хүний эрхэд суурилсан хандлага бүх шатанд байж хүний эрхийг хамгаалдаг болохоос биш миний, чиний ажил гэж хуваарилах юм бол хүний эрх хаа нэг газар заавал зөрчигддөг. Өнөөдөр ээжтэйгээ хамт ял эдэлж байгаа хүүхдүүд байна.

Монгол Улс таслан шийтгэх тогтоол гараагүй хүүхдийг эхтэй нь хамт байлгана гээд ял эдлүүлж байгаа нь үнэн. Зохицуулалтаараа ой хүртэл нь ээжтэй нь хамт байлгана гэдэг. Зарим тохиолдолд ял хойшлуулдаг. Бид яахав гуч байсан гурав болсон, гурав байсан нэг болчихлоо гэж яриад байгаа юм. Тоондоо биш. Эцэг эхийн үүрэг ч гэж байна. Хүүхдийн эдлэх ёстой эрх бий.

-Сүүлийн үед Г.Номуундарь охины хэрэг явдлаас улбаалаад манай дунд сургуулиудад хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт байна. Хар тамхины хэрэглээ байна гэсэн ойлголт нийгэмд төрж байна?

-Мэдээж хүүхдийн эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас гэр бүлийнхэнтэй нь холбогдсон. Уулзах хүсэлт тавьсан. “Уулзах зав байхгүй байна, дараа нь холбогдъё” гэсэн хариу өгсөн. Хэргийг цагдаа шалгаж байгаа учраас энэ хэргийн талаар тодорхой мэдэхгүй. Хар тамхитай холбоотой асуудлын хувьд хүний наймаа, хар тамхи хоёр хамт явдаг. Нэг нь бүхэл бүтэн хүнийг зарчихаж байна. Нөгөөдөх нь тусгайлсан химийн аргаар боловсруулсан буюу эсвэл байгаль дээр байгаа бүтээгдэхүүнийг техникийн хүчин чадлаар боловсруулж, хүний сэтгэцэд нөлөөлж, мансууруулж, нийгмээс тусгаарлаж байгаа үйл ажиллагаа. Үр дүн нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Яагаад дэлхий нийтээр анхаарал татаад байна гэхээр хамгийн их ашиг олдог хар бизнес. Хүний наймаа, хар тамхи, эмийн хууль бус худалдаа үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн төрлүүд. Монгол Улс Олон улсын гэрээ конвенцид нэгдэж орсон. Хүлээсэн үүрэг байгаа учраас тэмцэх ажил зэрэгцэж явах ёстой. Гэтэл 15 жилийн өмнө хүний наймаа, хар тамхи ярихад хэн ч ойлгодоггүй байсан шүү дээ. Хохирогч боллоо, хэрэглээд байна, хүн зараад байна гээд байхад энэ асуудалд хожуу анхаарч байна.

2002 онд Хүний эрх хөгжил төв гэж төрийн бус байгууллагатай Хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийж байхад манай хуулийнхан мэддэггүй байсан. Хүн дэлгүүрт ороод талх авахад мөнгөө төлж авдаг биз дээ гэсэн прокурортой таарч байлаа. Гэтэл өнөөдөр арав гаруй жилийн хугацаанд хэчнээн эмэгтэй зарагдаж байна, хичнээн гэр бүл хохирч байна.

Мөнгөгүй хүн хар тамхи хэрэглэдэггүй. Дэлхий нийтийн жишиг ийм. Мөнгөтэй хүмүүсийн хэрэглээ хар тамхи. Жишээлбэл 80 мянган төгрөгнөөс доош орлоготой, нэн ядуугийн ангилалд багтсан хүн хар тамхи хэрэглэхгүй. Гэтэл хүний наймаа нь амьдралын бололцоогүй, ядуу, гэр бүлээ тэжээх шаардлагад үндэслээд залилан мэхлэх ажиллагаанд хууртагдаж явдаг бүсгүйчүүд холбогддог. Хар тамхины хэрэглээ ямар шатанд байна гэхээр бүх байгууллагын судалгаа зөрж байгаа. Тэр байтугай насанд хүрээгүй хүүхэд хохирогчоор тогтоогдсон гэмт хэргийн тоо хүртэл зөрдөг. Улсын хэмжээнд хуулийн байгууллагууд нь өөр өөр статистик гаргадаг. Судалгаа тодорхой байж бодлого тодорхойлогддог шүү дээ. Судалгаа тодорхой байж шаардлага үүсдэг. Энэ судалгаа шаардлага бодлогын хүрээнд хууль батлагдаж гарах учиртай. Ямар ч судалгаагүй, мэдээлэлгүй хууль тогтоомжууд хуурай болдог.

-Сүүлийн үед өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлт нэмэгдэж байна. Яагаад энэ тохиолдол нэмэгдээд байна вэ?

-Учир нь ойлгомжтой. Хүүхдийг хүчирхийлж байна шүү дээ. Түүнээс биш 18 насанд хүрээгүй бүх хүнийг хүүхэд гэж хэлнэ гээд 1989 оны Хүүхдийн эрхийн конвенцид байгаа. Энэ наснаас доош хүүхдүүд өөрөө шийдвэр гаргаад гэр бүл зохиох эрхгүй. Хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчирхийлсэн гэдгийг хэний ч нүднээс нууж чадахгүй баримт нь өсвөр насны хүүхдийн жирэмслэлт. Мянган хүүхэд төрлөө гэхэд цаана нь мянган хүчирхийлэгч байгаа. Энэ мянган хүчирхийлэгч бүгд Эрүүгийн хуульд заасны дагуу шалгагдаад ял шийтгэл авах ёстой биз дээ. Энэ хүмүүс ял завшиж байгаа.

-Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орвол ял шийтгэл хүлээх заалт байдаг билүү?

-Байгаа. Тэгээд энэ мянган хүн хаана яваад байна. Энэ л сонин байна.

-Зарим судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн бэлгийн харьцаанд орж байгаа нас залуужсан байна. Хүүхэд хүүхэдтэйгээ бэлгийн харьцаанд орсон бол яах вэ?

-Тэр бол Монголд шууд хориотой. Аль нь ч байсан гэмт хэрэг. Хүүхэд хүүхэдтэйгээ бэлгийн харилцаанд орвол ял шийтгэлээс чөлөөлөгдөнө гэсэн юм байхгүй. Хөдөө явж байхад 16 настай охин зургаан сартай жирэмсэн юм байна. Аймаг орон нутагт үр хөндүүлэх гэсэн зөвшөөрөөгүй байна. Ээж нь хот руу авч явсан. Хотод ч зөвшөөрөхгүй. Цагдаагийн байгууллага мэдээлэл аваад шалгасан чинь ээжийнх нь төрсөн дүү хүчирхийлэгч байж таарсан. Дүүгээ хэрэгт оруулахгүйн тулд охиноо золиосолж байна шүү дээ. Ийм гашуун юм гарч байна. Гэртээ төрж байгаа, эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барж байгаа тохиолдлууд бий. Өсвөр насныхны дундах бэлгийн замын халдварт өвчин үнэхээр анхаарал татах сэдэв мөн. Социализмын үед багш нар энэ асуудалд маш хатуу хяналт тавьдаг байсан. Охидын үзлэг гэж сургуулиудад тусгайлсан эмч нарын баг ирж үздэг байлаа.

Бид УИХ-д өргөн барьсан илтгэлтэй холбогдуулаад, сургуулийн орчинд сэтгэл зүйч, эмч нарыг байнга ажиллуулах шаардлага тавьж байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ай түүлс” компанийн үүсгэн байгуулагч А.Баттамир: Орчин үед өгөгдөл, дата мөнгөнөөс ч үнэ цэнтэй болсон

А.Баттамир Компьютер техник менежментийн сургууль төгссөн. Үндсэн мэргэжил нь программ хангамж. “Айтүүлс” саяхан Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж, урьд хийгдэж байсан IPO-нүүдийн амжилтыг шинэчлэн тогтоолоо” хэмээн мэдээлэгдсэн билээ. Мэдээллийн технологийн ирээдүй, энэ технологийг ашиглан хэрхэн амжилттай бизнес хийх, “Айтүүлс”-ийн шинэ үйлчилгээний нэг хэсэг болсон “Клоуд майнинг” үйлчилгээ, блокчэйн технологийн тухай яриач хэмээн түүнээс хүссэн юм.

А.Баттамир ийнхүү ярьж байна:

-Өнөөдөр мэдээллийн технологи чухал. Урьд нь мөнгөтэй хүнд хүч байсан бол одоо өгөгдөл, дататай хүн хүчтэй цаг үе ирж байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэлд суурилсан шийдвэрүүд, мэдээлэлд суурилсан баялаг бий болчихсон. Дата нь үйл ажиллагааны автоматжуулалтаас үүсдэг. Бид автобусанд суугаад карт уншуулж байна. Банкинд карт уншуулах, дэлгүүрт бараа худалдаж авах болгонд өгөгдөл, датаг үйлдвэрлэдэг юм. Тэр байтугай гудамжаар явж байхад л камерын бичлэгээр өгөгдөл, дата үйлдвэрлэдэг. Дэлхий дээр одоо нийт дөрвөн зеттабайт буюу бидний мэдэх нэг терабайт хэмжээг дөрвөн тэрбумаар үржүүлсэнтэй тэнцүү хэмжээний дата үүссэн байна. Энэ нь өгөгдөлд суурилсан шинэ төрлийн бизнесүүдийг бий болгосон. Орчин үед энэ их өгөгдөлгүйгээр бизнес урагшлахад хэцүү боллоо. Зөв ашиглаж чадсан нь амжилт олдог тул өгөгдөл дата, асар үнэ цэнтэй болчихоод байгаа юм.

АЛТНААС ҮНЭ ЦЭНТЭЙ ДАТАГАА БИД УЛААНБААТАР ГЭДЭГ ГАНЦХАН САГСАНД ХИЙГЭЭД БАЙНА

Би нэг жишээ хэлье. Шинэ Зеландад 2011 онд хоёр удаа газар хөдөлсөн. Энэ үеэр хүмүүс үрэгдэж, байшин барилга нурж, 6000 бизнес дампуурсан. Тэд яагаад дампуурсан гэхээр өгөгдөл, датагүйгээс болсон. Өөрөөр хэлбэл, харилцагчийн мэдээлэл байхгүй, өнгөрсөн хугацааны борлуулалтын түүхгүй, ирээдүйн шинжилгээ хийх аргагүй болсон. Санхүү, бүртгэл бүгд датанд суурилдаг.

“Ай түүлс”-д Монголд байршиж буй вэб сайтын 50 хувь нь ажилладаг. Зөвхөн вэб сайтаар зогсохгүй олон компанийн лояалти картын систем, төлбөрийн систем бий. “Ай түүлс”-ийн дата центр 30 минут зогсоход маш их асуудал үүснэ. Дата гэдэг ийм үнэ цэнтэй. Энэ мэтчилэн Монголд маш их хэмжээний дата бий болчихсон. Нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт байна. Бүх том бизнесүүд төвлөрчихсөн. Үүнийг дагаад датагийн төвлөрөл Улаанбаатарт бий болчихоод байна. Хөрөнгө оруулалтын алтан зарчим бий. Нэг сагсанд бүх өндгөө хийж болохгүй гэдэг. Алтнаас үнэтэй датагаа бид Улаанбаатар гэдэг ганцхан сагсан дотор хийчихээд байна. Та төсөөлөөд үз. Төв шуудангаас Монгол банк орчмын хоорондох хэсэгхэн газарт Монгол Улсын маш их мэдээлэл төвлөрсөн. Төв шууданд цахилгаан холбоо, мэдээлэл холбооны сүлжээ, Монголын шилэн кабелийн сүлжээний төв бий. Хойд талд нь Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээлийн мэдээлэл байна. Баруун талд нь Жи мобайль, Мобиком байна. Тэгээд Улсын бүртгэлийн дата төв байна. Баруун талд нь Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, зүүн тийшээ явахаар “Ай түүлс” бий.

Монголд далайн шуурга, цунами байхгүй. Гэсэн ч Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүст ордог. Гамшгийн эрсдлийн бүсэд бүгд цуглачихсан. Бид байхгүй боллоо ч өгөгдөл дата нь үр хүүхдэд маань үлдэх ёстой. Тийм учраас “Ай түүлс” Дарханд дата центр барина. Усанд чулуу шидэхэд долгион тархдаг шиг газар хөдлөлт адилхан зарчимтай. Газар хөдөлсөн бүсээс 180 км-ийн цаана эрсдэлгүй болдог. Монголын нөхцөлд эрсдлийн өөр бүс гэхээр Дархан тохиромжтой. Сайн дэд бүтэцтэй. Бас ойрхон. Өөрийн цахилгааны эх үүсвэртэй. Хятад, Оросыг холбосон шилэн кабель дайрч өнгөрдөг. Төмөр замтай. Ийм боломжууд байгаа учраас бид Улаанбаатарт байгаа датагаа Дарханд аваачиж нөөцлөх хэрэгтэй байна. Бид өгөгдөл, дата дээр бага ч гэсэн хамгаалалт хийлээ. Тэгвэл одоо үүнийгээ боловсруулж сурах хэрэгтэй. Манайд үйл ажиллагааны автоматжуулалт сайн явагдаж, дата үүсч байгаа ч өгөгдөл, датагаа үнэлж, ашиглаж чадахгүй байна.

БИД ӨДӨР БҮР ФЭЙСБҮҮК АШИГЛАХДАА ӨГӨГДӨЛ, ДАТАГАА АШИГЛУУЛДАГ

Хамгийн өндөр үнэлгээтэй дэлхийн арван компанийн найм нь мэдээлэл технологийнх байна. Тэд өгөгдөл, датан дээр суурилж энэ өндөр үнэлгээг бий болгодог. Энэхүү найман компанийн эхний тав нь бидний мэддэг Гүүгл, Майкрософт, Фэйсбүүк, Аппле, Амазон. Бидний өдөр тутам хэрэглэдэг фэйсбүүк датан дээрээ суурилж мөнгө хийдэг. Өөрөөр хэлбэл бид өдөр бүр фэйсбүүк ашигладаг. Гэтэл өөрсдөө бид өгөгдөл датагаа ашиглуулж байгаа гэсэн үг. Бидний найз нөхөд хэн бэ, юу сонирхдог вэ, юун дээр лайк дарж байна, хоорондоо ямар мессеж бичиж байна. Энэ болгон дээр чинь судалгаа хийнэ. Өмнө нь өгөгдөлтэй ажиллах хэцүү байсан. Одоо бол хиймэл оюун хүний зан үйлийг судлах хялбар болжээ. Бид юунд дуртайг тэд мэднэ. Таньдаг байж магадгүй гэсэн хүмүүсийг санал болгоод сүлжээг өргөтгөдөг. Өмнө нь телевизийн зар сурталчилгаа хамгийн үр дүнтэй байсан бол одоо яг хүндээ чиглэж, маш бага зардлаар оновчтой сурталчилгаа хийх боломжтой.

Интернетийн бус компани гэвэл Уолл Март дэлгүүр байна. Уолл Март интернэт худалдаагаа салбар дэлгүүр гэхээсээ мэдээлэл цуглуулах хэрэгсэл гэж үздэг. А.Баттамир Уолл Мартын сайт руу орлоо. Оронгуут Монголоос ийм компьютер ашиглаад, ийм хүн холбогдлоо гэдэг мэдээлэл шууд очно. Би утас авах гэж байлаа гэхэд эхлээд самсунгийн утас үзлээ, зураг, үзүүлэлтүүдийг нь харлаа. Дараа нь аппле үзлээ, сонголоо.Тэгээд ямар дагалдах хэрэгсэл сонгож, ямар төлбөрийн хэрэгслээр тооцоо хийсэн бүх мэдээллийг цуглуулж аваад, түүндээ анализ хийнэ. Олон хүний ийм мэдээллийг цуглуулсны дараа дэлгүүрийнхээ стратегийг тодорхойлохдоо ашигладаг. Тухайлбал, Монголоос орсон хүмүүс аппле сонирхдог юм чинь эхлээд аппле харуулчихъя гэх мэтээр шийддэг. Энэ өгөгдөл өөрөө үнэ цэнийг бий болгодог. Монголд энэ алга. Үүнийг бид дата, дата анализ гээд янз бүрээр нэрлэдэг. Дүгнэж хэлбэл өгөгдөл, датагаа ашиглаад, яаж хамгийн бага зардлаар зөв шийдвэр гаргаж, хамгийн их ашиг олох вэ гэдэг ганцхан зорилготой. Манай хүмүүс дата анализ чиглэлээр мэргэшиж байгаа.

Жишээлбэл лояалти картын системүүд манайд байршдаг. Үүнийг бид шууд авч хэрэглэж болохгүй. Энэ компаниудтай гэрээ байгуулаад бид өгөгдөл, дата дээр чинь боловсруулалт хийж өгье гэж болно. Монголд и-баримт татварын суурийг нэмсэн сайн алхам болсон. Далд эдийн засгийг ил гаргаж байна. Энэ мэдээллийг ашиглах ёстой. Жижиг, том бүх бизнест зах зээлийн судалгаа хэрэгтэй. Арвангуравдугаар хороололд дэлгүүр нээх гэж байгаа хүн тэр хавийн хүмүүс юу хэрэглэдгийг мэдэх хэрэгцээ бий. Энэ судалгааг сайн хийвэл тээвэр ложистик сайн хөгжинө. Монголд и-баримтыг нээлттэй болгох хэрэгтэй. Мэдээж А.Баттамир ийм юм худалдаж авдаг гэж зарлаж болохгүй шүү дээ. Гэхдээ гучаас дөчин насны эрчүүд ийм юм худалдаж авдаг гэдэг мэдээлэл том, жижиг бүх бизнест хэрэгтэй. Үүнийг дэлхийд нээлттэй дата гэдэг юм.

ДАТА ХАДГАЛАХ ШИНЭ БИЗНЕСИЙН ХУВЬД МОНГОЛ, ШВЕЙЦАРИАС Ч ДАВУУТАЛТАЙ

Дэлхийд нэг шинэ бизнес бий болоод байна. Өгөгдөл, датаны хувьд Монголд шинэ боломж бий. Швейцарид дэлхийн нийт мөнгөний багагүй хувь нь хадгалагддаг. Түүний 96 хувь нь дата төвд байдаг тоо болсон. Тиймээс Швейцарь дата төвийг хамгаалдаг Өгөгдөл хамгааллын хууль баталсан. Тэнд маш олон бизнесүүд датагаа хадгалуулдаг. Хятадын Чайна мобайль Швейцарид датагаа хадгалуулдаг. Өвөрмонголд хамгийн том дата төв барьсан газар шүү дээ. Хятад даяар олон дата төвтэй. Хятадын бизнесүүд улс дотроо датагаа олон хувилж хадгалахаас гадна бусад улсуудад хадгалуулах болсон. Гэтэл Монгол Швейцариас давуу талтай. Газарзүйн байршлын хувьд аюулгүй. Хоёр хөршийн дунд оршдог Монгол Улс дата төвийн хувьд хамгийн чухал бүс. Биднийг хоёр том хөрш 24 цагийн турш маш сайн хамгаалж байгаа гэсэн үг.

Бидний хэрэглэдэг гар утас, компьютерээс авахуулад серверүүд ч бүгд адилхан. Нийт хэрэглэж байгаа цахилгаан эрчим хүчнийхээ нэгээс бага хувийг тооцоололдоо ашиглаад, 99-өөс илүү хувь нь дулааны энерги болдог. Утсаа их хэрэглэхээр халдаг шүү дээ. Хөргөхгүй л бол утас, компьютер серверүүд бүгд л шатдаг. Нэг киловаттын цахилгаан хэрэглэж байгаа серверийг хөргөхийн тулд нэг киловаттын хөргүүр хэрэгтэй. Харин халуун оронд бол нэг сервер ажиллуулахын тулд хоёр дахин их цахилгааны мөнгө төлдөг. Монголд хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Үүнийгээ ашиглавал хөргөлтийн системийн цахилгааны хэрэглээг 80 хүртэл хувь бууруулах боломжтой. Монголын цахилгаан дэлхийн бусад орнуудаас хямд. Тэгсэн мөртлөө цахилгааны хэрэглээг бууруулах боломжтой учраас маш хямд дата төвийн үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн блокчейнд суурилсан крипто валют олборлогчдын хамгийн сайн байршил гэсэн үг. Бидэнд өгөгдөл хадгалдаг бүс болох ирээдүй байна. Энэ бол маш чухал экспорт.

Орчин үеийн клауд үйлчилгээнүүдийг оруулж ирье гэвэл Монголд датагаа байрлуулах шаардлага тавьдаг. Тэгэнгүүт зөрүүлээд “Тэгвэл танайд дата центр байна уу. Бид дата төв барихгүй, гуравхан сая хүнтэй улсад ашиггүй” гэдэг. Үндэсний дата төв байна гэхээр гадны ямар ч томоохон байгууллага төрийн мэдлийн дата төвд датагаа байршуулахыг хүсдэггүй. Хувийн компанийг ч бас сонирхохгүй. Хөрөнгө оруулагч нь хэн бэ гэдэг. Тэд олон нийтийн компанид ханддаг. Олон улсад дата төвийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд манайхтай хамтарч ажиллахаар ярилцаж эхэлсэн. Дэлхийн мэдээллийн технологийн компаниуд Евро Азийн бүс нутаг буюу дэлхийн хамгийн тогтвортой тектоникийн хавтан дээр дата төв барих хүсэл байдаг. Гэхдээ хэн ч Орос эсвэл Хятадад дата төв барихгүй.Тийм учраас Монголыг сонирхдог.

БЛОКЧЕЙН ТЕХНОЛОГИ БОЛ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮХЭЛД НЬ ХӨДӨЛГӨЖ ЧАДАХ ТОМ БОЛОМЖ

Бид технологийн давалгаан дунд амьдарч байна. Микро компьютерууд хувийн хэрэглээнд орж эхэлсэн. Интернет, ухаалаг утас, клауд байна. Үүний дараагийн технологийн давалгаа блокчейн. Блокчейн технологийн түүх 1991 оноос эхтэй. Анх Стюарт хабер, Скотт Сторнетта нар криптографаар холбоо нь баталгаажсан блокуудын гинж гэдэг ойлголтыг тодорхойлсон. Харин 2008-2009 онд анх энэ технологийг ашиглан төлбөр тооцооны хэрэгсэл бүтээсэн нь биткойн. Хэн ч нүүр тулан уулзаж, ярилцаж үзээгүй, зөвхөн и-мэйлээр харилцдаг байсан гээд байгаа Сатоши Накамота гэж нэрлэгдсэн программист биткойны санааг гаргаж, загварыг нь боловсруулан программчлаад, эх кодыг бичиж, 2008 онд бий болгосон цахим мөнгө шүү дээ. 2009 оны нэгдүгээр сарын 3-нд анхны блок нь бий болсон. Энэ өөрөө блокчейний нэг хувилбар. Блокчейн гэдгийг товч тайлбарлавал хэн ч өөрчлөлт хийх боломжгүй бүртгэл. Одоо байгаа технологиор бүхнийг өөрчлөх боломжтой. Юм болгон дээр edit буюу засах гэсэн функц байдаг. Санаандгүйгээр, эсвэл хакердаад өөрчилж болно. Блокчейнд тийм боломж байхгүй. Бид дэвтэр дээр бүртгэл хийхдээ мөр мөрөөр нь бичдэг. Штрихдэж байгаад дундаас нь засч болдог. Харин блокчейний мөр болгон холбоотой. Нэг мөр бичихэд тэр мөрийг илэрхийлэх код үүсээд, тэр кодыг нь дараагийн мөрөндөө ашигладаг. Аль нэг мөрийг өөрчилбөл түүнээс хойшхи бүх мөрийг өөрчлөх шаардлагатай болдог. Тэгэхээр хэзээ ч өөрчлөлт хийх боломжгүй бүртгэл үүсдэг. Үүнд л технологийнх нь хүч бий. Биткойн бол блокчейнийг санхүүгийн салбарт мөнгөн дээр хийх оролдлого. Хамгийн анхны амьдралд нэвтэрсэн хувилбар гэсэн үг. Сүүлийн үед хүмүүс олборлогч буюу майнер гэж нэрлээд байгаа биткойн олборлодог машиныг сонирхоод байгаа. Энэ машин үнэн хэрэгтээ хэн ч өөрчилж болдоггүй тэр бүртгэлийг хийдэг компьютер юм. Бүртгэл хийснийхээ төлөө биткойн гэдэг юмыг авдаг. Ажил хийгээд, мөнгө аваад байгаа болохоор олборлогч гэж нэрлэчихсэн. Түүнээс биш технологийн гол ажлыг хийдэг машин. Нэг ийм цикл бий болчихсон. Биткойны хувьд бүртгэлийн дэвтэрт нь зөвхөн гүйлгээний мэдээлэл хадгалагддаг. Энэ мэдээлэл хэнд ч нээлттэй.

Систем нь 210 мянган блок олборлогдох болгонд олборлолтыг тал хувиар багасгаж байхаар загварчлагдсан учраас нийтдээ 21 сая ширхэг биткойн л олборлох боломжтой юм. 2140 онд сүүлийн биткойныг олборлож дуусна. Алтны нөөц ч хязгаартай шүү дээ. Гэхдээ нэг ширхэг биткойн 100 саяд хуваагддаг. Хүмүүс анх бартераар бараа солилцооны зарчмаар наймаа хийдэг байсан. Дараа нь зоос, цаасан мөнгө бий болсон. Энэ болгонд хүний сэтгэхүй хувьсан өөрчлөгдсөн. Алтанд итгэдэг хүн зоосонд итгэдэг болж, зоосонд итгэдэг хүн цаасанд итгэдэг болсон шүү дээ. Одоо бол цахим банкинд байгаа мөнгөн дүнг илэрхийлсэн тоондоо итгэнэ. Магадгүй ирээдүйд бид крипто мөнгөнд илүү итгэдэг болох байх. Үүнийг одоогоор хэн ч баттай хэлж чадахгүй учраас хүмүүс өөрсдөө энэ талаар илүү сайн судалж,мэдээлэлтэй болох шаардлагатай байна.

Дэлхий нэгэнт тэр чигээрээ биткойн болон бусад крипто валютад анхаарал хандуулсан учраас Монгол Улс майнингийн үйлчилгээг дэлхийд экспортлох боломж байгаа юм. Энэ нь эрчим хүчний тогтвортой хэрэглээг бий болгож, шинэ цахилгаан станцууд баригдах, хүрэн нүүрсний ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, сэргээгдэх эрчим хүчний томоохон шийдлүүдийг нэвтрүүлэх, улмаар гадаад валютын дотогшоо чиглэсэн асар их урсгалыг бий болгож, эдийн засгийг маш хурдтай хөдөлгөх учиртай. Өөрөөр хэлбэл, бид төмөр замын өргөн нарийн цариг ярих биш, хүн тоодоггүй хүрэн нүүрсийг шилэн кабелиар экспортлох боломжтой гэсэн үг. Бидний хувьд энэ бүхний технологийн суурийг бий болгохоор ажиллаж байна. Крипто валютын олборлолтыг өргөн хүрээнд хийхэд шаардлагатай нөүд, түрийвч, арилжааны систем, клауд майнинг зэргийн хөгжүүлэлтийг хийж ашиглалтанд оруулсан, пүүл үүсгэх ажил ид өрнөж байна.

Харин блокчейн технологи бол цоо шинэ бизнес. Блокчейн гэдэг энэ технологийг хэн хамгийн сайн эзэмшиж, ямар улс өөртөө ашигтайгаар хэрэглэж чадна тэр улс хүчийг авах магадлал өндөр. Монгол Улс бүх салбарт хоцрогдчихсон. Блокчейний хувьд харин дэлхийд хэн ч манлайлагч биш. Тийм учраас бид бусадтай нэг гараанаас өрсөлдөх боломжтой.

Зөвхөн хүнсэн дээр жишээ авъя. Дэлхий даяар хүнсний аюулгүй байдал асуудалтай. Хуурамч мах, өндөг, будаа хийж байна. Хиймэл хүнсийг шууд өгвөл та мэдчихнэ. Нийт хүнсний таван хувьд хийгээд явуулчихаар мэдэхгүй. Нэгэнт хүнс гэдэг асар том зах зээл тул ийм асуудал байх л болно. Үүнийг шийдэх ганц боломж нь блокчейн буюу бүртгэлийн систем. Нэг үхэр байлаа гэхэд хээлтэй байх хугацаандаа ямар өвс тэжээл, эм идэж уусан. Тугалыг яаж бордсон, хаана нядалсан, хаана савлаад, ямар дэлгүүрт аваачсан гэдэг бүх мэдээллийг блокчейнд хадгалчихвал хүн мах худалдаж авахдаа гар утсаараа махны савлагаан дээрх кодыг уншуулахад бүх орц нь түүхтэйгээ гарч ирнэ. Өөрөөр хэлбэл блокчейн гэдэг технологи өнгөрсөн хугацаанд технологийн салбарын шийдэж чадаагүй итгэлцлийг бий болгосон юм. Тэгвэл энэ мэт маш олон шийдлийг манай мэдээллийн технологийн компаниуд хөгжүүлж, дэлхийн зах зээл дээрх анхдагчид болох боломжтой. Блокчейн Монголын эдийн засгийг бүхэлд нь хөдөлгөж чадах том боломж.

АЙ ТҮҮЛС

Ай түүлс Монголын хөрөнгийн бирж дээр гарсан технологийн анхны компани. Хөрөнгийн бирж сэргэсэн, өгөгдөл дата улам бүр үнэ цэнтэй болж байна, блокчейний технологи дээр ажиллаж байгаа компани гэдэг утгаараа тохироо нь бүрдээд хүмүүсийн анхаарлын төвд орсон байх. Манай хувьцаа оргил үедээ 260 хүрсэн. Одоо 200 дээр тогтворжиж байна. 1,3 тэрбум төгрөг босгосон. Энэ мөнгө Дарханд дата төв байгуулахад зарцуулагдах юм. Бид 2018 оны эхний улиралд дата төвөө бариад дуусгачихна. Модуляр дата төв сүүлийн үед дэлхийд трэнд болсон. Гурваас, дөрөвдүгээр зэрэглэлийн модуляр дата төвийг уламжлалт дата төвөөс 10-20 дахин хямдхан үнээр байгуулах боломжтой. Бидний хувьд ийм 30 модуляр дата төв байршуулах боломжтой маш сайн дэд бүтэцтэй нөөц эх үүсвэрүүдтэй дата төвийн паркын барилгыг байгуулж байгаа.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар боллоо

Өнөөдөр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдсээр байна.

Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг тусгасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ. Тэрээр Монгол улсын Засгийн газраас баталсан “Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэнд”, “Хүн амын эрүүл мэндийн боловсрол” хөтөлбөрүүд нь сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих тогтолцоог боловсронгүй болгоход төр, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг чиглүүлж, эрүүл мэндийн зохих боловсролтой, эрүүл чийрэг иргэд болон төлөвших орчныг бүрдүүлэх” зорилго тавьсны дагуу олон улсын хандивлагч байгууллагууд, дотоод, гадаадын мэргэжилтнүүд асар их хүч хөдөлмөр, хөрөнгө нөөц зарцуулж ирсэн.

Түүнчлэн Боловсрол, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар “Эрүүл мэндийн боловсролын талаар баримтлах стратеги /2010-2015/ төлөвлөгөөг боловсруулан амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гэвч 2014 оноос боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд Эрүүл мэндийн хичээлийг Хүн ба орчин, Хүн ба байгаль, Хүн ба нийгэм хичээл байдлаар тусган оруулсан нь үндэслэл муутай оновчгүй хувилбар болсон гэж үзэж байна.

2015 онд Эрүүл мэндийн яам энэ чиглэлээр ажилладаг судалгаа, шинжилгээний байгуулага, бусад талуудтай хамтран уг шинэчилсэн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, нэгдсэн дүгнэлт нь ”маш хангалтгүй” гэж гарсан.

Учир нь эрүүл мэндийн хичээлийг интеграци хийж буй биологи, биеийн тамирын хичээлүүд нь өөрийн судлах агуулгын багтаамж ихтэй, сургалтын орчин, техник тоног төхөөрөмжүүд нь онцлогтой, багшийн заах арга зүй, сургалтын технологи нь ялгаатай тул эрүүл мэндийн хичээлээр зайлшгүй эзэмшвэл зохих үндсэн мэдлэг, чадвар дадлыг эзэмшүүлэх боломжгүй байна.

Энэхүү оновчгүй, хувилбарын талаар урьд өмнө олон талт оролцооны байгууллагууд болох олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран удаа дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд албан тоот хүргүүлж байсан. Энэхүү шийдвэр нь эрүүл мэндийн хичээлийн ач холбогдлыг асар бууруулаад зогсохгүй сүүлийн 20 гаруй жилд олсон ололтоосоо ухарсан, магадгүй, хэдэн жилийн дараа харамсаад ч барахгүй үр дагавар авчирч мэдэхээр байгааг дээрх өвчлөлийн тоо, судалгаа харуулаад байна гэлээ.

Цаашид Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг албан сургалтын хөтөлбөрт оруулахаар болж, энэ дагуу холбогдох яамныхан бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр “Жаран цагаан хонь” роман нээлтийнхээ үеэр 300 ширхэг борлогдлоо

Хөвсгөлийн дуучин Г.Надмид гуайн “Жаран цагаан хонь” дуу Интерномд хангинаж, “Ногоон нүдэн лам” романы зохиолч Ц.Оюунгэрэл мэлмэрүүлж орхив. “Ногоон нүдэн лам”-ын хоёрдугаар дэвтэр нь“Жаран цагаан хонь” нэртэй болж хувирсан нь энэ дууны ид шид бололтой. Зохиолч зангирсан хоолойгоор ярьж байна.

-Энэ номын ихэнхи түүх настай хүмүүсийн амаар яг саяын Г.Надмид гуайн дуу хоолой шиг чин сэтгэлийн үгээр хэлэгдэж, түүнийг нь уран зохиолын аргаар эвлүүлж босгож, бичсэн. Нээлтийн ёслолын хойморт сууж байгаа Хандсүрэн эгч, Баярдалай ах, Билэгдэмбэрэл ах энэ номд нэрээрээ орсон бодит хүмүүс юм. Хүмүүс Баасан, Сэндмаа хоёрын хайр дурлал яах вэ гэж их асуудаг. Би хайр дурлалын тухай та бүхний сэтгэлд хүртэл бичсэн гэж найдаж байна. Хайртай хүмүүс нь хайртай хэвээрээ, дурласан хүмүүс нь дурласан хэвээрээ, жаргал зовлон дундуур тэр хоёрын амьдрал хэрхэн үргэлжлэхийг уншигч та болгооно биз ээ.

Энэ дашрамд номыг хамтран бичиж, есөн жил надтай хамт материал цуглуулсан хамтран зохиогч Жеффри Фолтдоо баяр хүргэе. Жефф маань Америкт байгаа. Номын “Жаран цагаан хонь” нэрийг Жефф өгсөн юм. Би номын нэр өгөхдөө муу. Түүх намтар цуглуулахдаа гайгүй. Баахан материал цуглуулаад, баахан юм биччихдэг. Нэр өгөөч гэж Жеффийг гуйдаг. Жефф номоо уншиж байгаад “Жаран цагаан хонь” гэдэг бүлгийнхээ нэрийг номынхоо нэр болгоё гэсэн. Хүмүүс яагаад хонь гэдэг нэр өгсөн юм бэ гэж асууж байна. Энэ бол хониндоо биш “Жаран цагаан хонь” гэдэг дуугаар нэрлэсэн юм шүү. Г.Надмид гуайн дуулсан энэ дууны тухай номонд гарна.

Эцэг, өвгөдийнхөө түүхийг амьд мэнд байхад нь асууж сурах ёстой юм байна гэдгийг би энэ номыг бичих хугацаандаа ойлгосон. Энэ номыг бичихэд надад аман түүх хэрэг болсон. Бичгийн түүх бараг үлдээгүй. Кино байхгүй, гэрэл зураг үлдээгүй.

Ийм үед түүхэн сэдвээр бичихийн тулд ахмад хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэй болдог. Хөвсгөл аймагт уулзаж болох бүх ахмад, энэ түүхийг мэдэж болох бүх хүнтэй уулзаж, тэмдэглэл хийсний хүчинд цуглуулсан 100-гаад дэвтэр түүхийг ном болголоо. Тийм учраас залуустаа ахмадуудыгаа хайрлахаас гадна, түүхээ бичиж авч үлдэх нь чухал гэдгийг хэлье. Энэ номыг бичсэний дараа надад мэдээлэл өгсөн настнуудын тал нь бурхны оронд очсон байлаа.

Энэ түүхийг бичээч гэж намайг арваад жил ятгасан аав минь ч бурхандаа явсан.

“Ногоон нүдэн лам”-ыг дөнгөж гарсны дараа аав маань “Миний хүү, Ногоон нүдэн лам”-ын чинь түүх нэг хэрэг, хэлмэгдэл бол нэг түүх, хэлмэгдлийн дараа хамгийн аюултай юм болсон юм шүү дээ.Энэ тухай бичээрэй” гэсэн. Би тэр үед нь аавын хэлсэн үгийн үнэ цэнийг сайн ойлгоогүй. Аав найзуудаа цуглуулаад, гэрт маань настайчуудын уулзалт зохиож, хүн бүрийг “Манай охинд юмаа яриад өг” гэдэг байлаа. Аав маань энэ номын судалгааны ажлын 70 хувийг хийсэн гэж болно. Эмнэлэгт хэвтэхдээ хамт хэвтсэн хүнийхээ намтрыг бичүүлж ирж байсан. Маш олон дурсамжаа бичиж ирүүлсэн ахмадууд маань энэ номын хамтран бүтээгчид юм шүү. Тэдэндээ талархаж байна” гэсэн юм.

Зохиогч мөн “Бид тусгаар тогтнол бол Х.Чойбалсангийн гавьяа гэж ярьдаг. Нам төрийн гавьяа гэж үздэг. Гэтэл тусгаар тогтнолд ард иргэд ямар хувь нэмэр оруулсан юм бэ. Ард түмэн тусгаар тогтнолын алдар гавьяаны хаана явна вэ гэдгийг тэр бүр сурвалжлаагүй юм билээ. Энэ номыг уншихад ард түмэн, малчин ард Монгол Улсын тусгаар тогтнолыг нуруун дээрээ яаж үүрч ирсэн юм бэ гэдэг харагдана.

Улс орон туурга тусгаар, гал голомтоо бадрааж ирэхийн тулд ямар их үнэ цэн төлдөг юм бэ. Тэр үнэ цэн ард түмэнд ямар их хүнд ачаа болж ирдгийг энэ номоос уншаад, эмээ өвөөгөө ойлгох байх гэж бодож байна.

Энэ номыг хүмүүс Баасан, Сэндмаа хоёр яасан бол гэж уншиж эхлээд номоо хаахдаа “Бид хэний босгосон Монгол Улсад амьдарч байгаа юм бэ. Монгол Улсаа бид яаж авч явах ёстой юм бэ” гэж бодно хэмээн найдаж байна гэсэн юм.

Нээлтийн үеэр хөл муутай ээжийгээ унших дуртай номынх нь зохиогчтой уулзуулахаар хичээж буй нэгэн залуу анхаарал татсан юм. “Жаран цагаан хонь” номын нээлт болж байгаа Интерном их дэлгүүрийн том танхим хөл гишгих зайгүй шахам болж, номын зохиогчийг олж харж, үгийг нь сонсно гэдэг амаргүй даваа болсон байв.

Тус дэлгүүрийн нэг болон хоёрдугаар давхрын касс “Жаран цагаан хонь” романыг барьсан хүмүүсийн дараалалд “нэрвэгджээ”. Нээлтээ хийж буй шинэ номын агент А.Ариунтуяа “300 ширхэг ном авчирсан чинь дуусчихлаа. Ахиад 500 ширхэг ном ачуулж байна” хэмээн утсаар ярих нь сонсогдсон.

Харин хэсэг хугацааны дараа хичээл зүтгэлтэй хүүгийн ээж Ц.Болдпионер гуай урдуур суудалд сууж амжсан төдийгүй, зохиогчтой зургаа татуулж харагдана лээ. Ц.Болдпионер гуай ярихдаа “Би гайгүй ном уншдаг байснаа харваад ном уншиж чадахаа байсан юм. Тэгээд “Ногоон нүдэн лам”-ын нэгдүгээр дэвтрийг нь уншихад их таалагдсан болохоор хоёрдугаар дэвтрийнх нь нээлтэнд зорьж ирсэн юм” гэж ярилаа. Тэрбээр Сүхбаатар дүүргийн иргэн юм байна.

Зохиолчтой зургаа хамт авахуулах, шинэ номон дээр нь гарын үсэг зуруулах хүсэлтэй хүмүүс оволзож байна лээ.

Өнөөдөр “Аз хур” номын их дэлгүүрт 16.30 цагаас бас “Жаран цагаан хонь“ номын нээлт болох юм байна.

Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Бямбадорж: Цаазын ялыг сэргээж, олон улсын гэрээнээс гарна гэсэн ойлголт байхгүй

“Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэл” ээлжит 14 дэх уулзалт өчигдөр болсон юм. Энэ үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж болон “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрахтай ярилцсанаа хүргэж байна.

Уулзалтын үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж сэтгүүлчдийн асуултанд ийнхүү хариуллаа.

-ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагуудтай хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Хүний эрхийн үндэсний байгууллага цөөн орон тоотойгоор Монгол Улсад хүний эрхийг хамгаална гэж байхгүй. Тийм учраас олон түмний дэмжлэг авах ёстой. Хүн бүр, айл болгон, улс аймаг бүрийн асуудлыг төрийн байгууллага дангаараа шийдэх боломжгүй. Тийм учраас долоон жилийн өмнөөс бид иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч ажиллая, хүний эрхийн талаар сайн муу болгоныг хэвлэлийнхэн олон түмэнд хүргэг, түүний үнэн зөвийг гаргаж ирдэг нь иргэний нийгмийн байгуулага байх юм гэж шийдсэн. Одоо 14 дэх уулзалтаа хийж байна. Бид жилд хоёр удаа уулздаг.

Ирэх он дэлхийн түүхэнд онцлог жил. 1948 онд НҮБ байгуулагдаад гурван жилийн дараа Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх баримт бичгийг баталсан байдаг. Энэ баримт бичгийн 70 жилийн ойг улс болгон үр дүнтэй тэмдэглэх жилийн аян зохион байгуулж байна. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарийн газраас ингэж зарласан. Бид зүгээр суух биш Монгол Улсын ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагуудтай нэг гол ажил хамтарч хийх юм. Тэр нь юу гэхээр Хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж ямар бичиг баримт юм бэ. Иргэн танд ямар ач холбогдолтой вэ, төр үүний дагуу юу хийх ёстой вэ? Монгол Улсын нэгдэн ороод байгаа 50 гэрээ конвенци гэж юу вэ. Үүний биелэлтийг яаж гаргадаг юм бэ. Үүнээс үр дүн гарч байна уу гэдгийг бүтэн жилийн хугацаанд үзье гэж байгаа юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэг гол заалт байдаг. Айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгоё гэж уриалдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал олон улсын гэрээ биш шүү дээ. Соёрхон баталдаггүй. Бүх улс дагаж мөрдөх ёстой. Маш олон гэрээнд тусгалаа олсон баримт бичиг юм.

70 жилийн ойгоор үнэхээр айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бүтээж чадаж уу гэдгийг эргэж хараад “Чадаагүй байна” гэж үзэж, НҮБ-аас бас нэгэн чухал бичиг баримт баталсан. Тэр нь Тогтвортой хөгжлийн зорилт . 2030 он хүртэл үүнийг хэрэгжүүлнэ. Гэхдээ одоо дайн, мөргөлдөөнтэй байсан, мөнгө хүрэлцээгүй гэх мэтээр ямар нэг тайлбар хүлээж авахгүй шүү гэж байгаа юм. 15 жилийн дараа дэлхий ертөнц Түгээмэл тунхаглалд заасан наад захын хэм хэмжээг бий болгож чадаж уу гэдгийг үзнэ.

Миний ойлгож байгаагаар ингээд чадаагүй нөхцөлд НҮБ холбогдох арга хэмжээ авах байх. Улс төрийн болоод эдийн засгийн хориг арга хэмжээ гэж яриад байна шүү дээ. Үүнийг томоохон орнууд давж чаддаг байх, Монгол шиг жижиг орны хувьд тэсвэрлэн гарахад хэцүү. Өнөөдөр Монгол Улсын нэр хүнд, хүрсэн түвшинг алдахад хүрнэ. Одооноос бид олон улсын гэрээ конвенцийг биелүүлдэг, биелүүлэхийн төлөө зүтгэдэг, нэгэндээ шаардлага тавьдаг болох ёстой. Тийм учраас манай энэ уулзалт чухал ач холбогдолтой.

-Нэг юм тодруулж асууя. Олон улсын гэрээ конвенци гэснээс цаазын ялыг сэргээх тухай ярьж эхэллээ. Монгол энэ талаар олон улсын өмнө хүлээсэн үүрэг бий. Үүнээсээ ухрах уу?

-Би энэ талаар байр суурь илэрхийлмээргүй байна. Яагаад гэхээр одоогоор судалгааны түвшинд явагдаж байгаа. Хэлэлцэх үед нь энэ асуудлыг гаргаж тавина. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүнэ гэж манай Үндсэн хуульд ч бий. Нэгэнт олон улсын гэрээнд нэгдэн орсон бол биелүүлж л таарах байх. Үүнийг хууль болоод, буцаад олон улсын гэрээнээс гарах ойлголт байхгүй. Угаасаа олон улсын гэрээнээс гарах ойлголт байхгүй. Бэлээхэн жишээ байна. Филиппин улсын шинэ Ерөнхийлөгч гарч ирээд, хар тамхитай тэмцэх нэрийн дор цаазаар авах ялыг буцаана гэсэн. Конгресс нь хоёр танхимтай. Төлөөлөгчдийн танхим нь хэлэлцээд энэ гэрээнээс гаръя гэдэг шийдвэр гаргасан. Сенат нь гарахгүй гэсэн. Тэгээд одоо тэнд хүнийг шүүхийн тогтоолгүй буудаж байна шүү дээ.

Гарахгүй, боломж байхгүй гэв.

Ч.УНДРАХ: ӨНГӨРСӨН ОНД 3900 ОРЧИМ ӨСВӨР НАСНЫ ОХИД ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН

Уг уулзалтад оролцсон төрийн бус байгууллагуудын нэг болох “Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах “Ойрын хугацаанд өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар ХЭҮК-той хамтарч ажиллахаар ярилцаж байна. Комисс охидын эрх, тэр тусмаа охидын жирэмслэлт, төрөлтийн асуудлаар анхаарч байдагт талархаж байна. ХЭҮК-ийн Орон тооны бус зөвлөлд 2020 он хүртэл ажиллахаар сонгогдсон. Зөвхөн өөрийн байгууллагаа биш залуучуудын эрхийн асуудлын талаар комисст гүүр болж ажиллана” гэж ярьсан юм.

Түүнтэй өсвөр насны охидын жирэмслэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Өсвөр насны охидын жирэмслэлт буурч байгаа юу?

-Тодорхой түвшинд өссөн. 2016 оны байдлаар 3900 орчим өсвөр насны охид хүүхэд төрүүлсэн. Үр хөндөлтийн тоог нарийн тодорхойлох боломжгүй. Тандалт судалгаагаар төрж байгаа охидоос нэг дахин илүү тооны охид үр хөндүүлж байгаа. Жилд 10 орчим мянган охид үр хөндүүлж байгаа гэсэн тандалт судалгааны дүн байдаг.

-Дунд сургуулийн сурагчид бэлгийн харьцаанд орох нь их байна гэсэн үг үү?

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь судалгаагаар анхны бэлгийн хавьталд орж байгаа нас залуужсан. 13-14 нас болсон байгаа. Олон улсын бас нэг ийм хандлага байдаг л даа. Ер нь зөвшилцлийн нас буюу анх бэлгийн харьцаанд орох минимум насыг зарим улс орнууд хуулиараа тогтоосон байгаа. Ихэнх улс орнууд 16 нас хүртэлх хүүхэд бэлгийн харьцаанд орж болохгүй. Энэ тохиолдолд эцэг эхчүүд хариуцлага хүлээнэ гэх мэт хууль эрх зүйн орчин үйлчилж байна. Энэ нь бэлгийн боловсролтойгоо уялддаг. Энэ насанд хүрсэн тохиолдолд аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах чадвартай болсон байна гэж үздэг. Манайд энэ талын ойлголт мэдлэг өсвөр насныханд хараахан байхгүй байна.

-Өөрөө хүүхэд мөртлөө хүүхэд төрүүлэхээр, шинэ хүнийг нь хэн өсгөж байна, яаж хүн болж байгаа бол?

-Манайд энэ талаар үндэсний хэмжээнд хийсэн судалгаа байхгүй. Бид байгууллагынхаа түвшинд жил бүр үйлчилгээ үзүүлдэг өсвөр насны ээж нарын дунд хийсэн судалгаа байдаг.Бид жилд дунджаар 50-60 орчим ээжүүдтэй ажилладаг. Яг манайд хандаж үйлчилгээ авсан охид дийлэнх нь өөрсдөө өсгөж байгаа. 50 ээж тутмын 2-3 нь жилдээ үрчлүүсэн, үрчлүүлэх сонирхолтой байдаг.

-Ихэвчлэн хэдэн насандаа ээж болоод байна вэ?

-Дунджаар 17 насандаа ээж болж байна. Бидний ажилласан ээжүүдээс хамгийн бага нь 12 настай охин ээж болсон тохиолдол бий. Сүүлийн үед бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс болоод жирэмсэлсэн охидын тоо харьцангуй нэмэгдэх хандлагатай байна уу даа гэж харж байна. Өөрөөр хэлбэл манайд хандаж байгаа тохиолдол нэмэгдэж байна.

Хүчирхийллийн улмаас жирэмсэн болж байгаа охидын хувьд жирийн өсвөр насны ээжүүдээс илүү үйлчилгээ, асуудал, илүү их хэрэгцээ байдаг. Хүүхдээ өөрсдөө өсгөж байна. Үүнийг зохицуулсан хууль эрх зүйн орчин манайд дутагдалтай. Хүүхдээсээ татгалзах юм уу, бэлгийн хүчирхийллийн улмаас төрсөн хүүхдээ яах вэ гэдэг асуудал орхигдсон. Эцэст нь хохирсон хүмүүс хүүхдээ өсгөж, тэжээх, хүмүүжүүлэх болж байна. Хүүхэд хаягдаж байгаа асуудал ч үүнтэй уялдаатай байж болзошгүй. Жилд Монголд 50 орчим нярай хүүхэд хаягддаг. Үүний цаад шалтгааныг судалсан юм байхгүй. Гэхдээ дээрх асуудалтай холбоотой байж болзошгүй.

-Нэгэнт ээж болсон охид эргээд сурч чадаж байна уу?

-Ерөнхий боловсролын сургууль өсвөр насны ээжүүдэд хатуу ханддаг гэж болно. Манайд хандсан хамгийн сүүлийн жишээ гэхэд л жирэмсэн болсон охиныг найз хөвгүүнтэй нь хамт сургуулиас нь хөөсөн тохиолдол байна. Сургуулиас хөөгдөх шалтгаан гэдгээ сургуулийн дотоод журамд заасан уу гэхээр асуултын тэмдэгтэй. Үе тэнгийнхий зүгээс, сургуулийн орчинд ялгаварлан гадуурхалт байдаг. Үйлчилгээ үзүүлэх ёстой эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ч ялгаварласан, үл тоомсорлосон хандлага гаргадаг гэдгийг өсвөр насны ээжүүд ярьдаг. Тэд ерөнхий боловсролыг хаана эзэмшиж байна гэхээр Улаанбаатарт ажилчин залуусын оройн сургуульд хамрагдах, мэргэжил сургалтын төвүүдэд суралцаж байна. Дийлэнх нь их дээд сургуульд сурч чаддаггүй. Бид мэргэжлийн сургалтанд хамруулах, МСҮТ-тэд сургах байдлаар боловсрол эзэмших эрхийг нь хангаж байна.

-Охид ийм байдалд хүрэхэд гэр бүлийн орчин нөлөөлдөг үү?

-Судалж үзэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь бэлгийн боловсрол, хүүхдэд хичнээн мэдлэг өгч байгаа ч амьдралд нь дадал болж хэвших хэмжээний чанартай боловсрол өгч чадахгүй байна гэдэг асуудал бий. Манай улсын нийгэм эдийн засгийн байдал нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл ядуурал их байгаатай холбоотой эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийн тоо ихэсч байна.

Эцэг эх нь ажилгүй, ядуу, хүчирхийлэл, дарамттай гэр бүлд өсч байгаа хүүхэд эрсдэлт бүлэгт ордог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Мөнхзул: Эмэгтэйчүүд сул дорой, эр хүний эрхшээлд байх ёстой гэсэн хандлага хүчирхийлэлд нөлөөлж байна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн ахлах референт Х.Мөнхзултай ярилцлаа.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдсэнээс хойш хүчирхийллийн тоо өссөн үү, буурав уу?

-Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй байхад гэр бүлийн хүчирхийллийн ихэнх хохирогч хуулийн хяналтын байгууллагад хандахаасаа илүүтэй төрийн бус байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүний эрхийн үндэсний комисст ханддаг байсан. Харин одоо гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон, зарим үйлдийг зөрчлийн хэмжээнд авч үздэг болсноос хойш гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хуулийн дагуу ихэнхдээ цагдаад хандах болсон. Цагдаагийн тоон мэдээг харахад энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай байна. Гэхдээ энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх нь нэмэгдсэнтэй холбоотой. Учир нь хуульд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн бол бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан ажилтнууд, баг, хороо, сум, дүүргийн холбогдох албан тушаалтнууд заавал мэдээлэх үүрэг хүлээлгэсэн. Энэ тухай мэдсэн хэн ч мэдээлэх үүрэгтэй болсон. Хохирогчийг хамгаалах тогтолцоо, төрөөс хохирогчдод үзүүлэх үйлчилгээ илүү тодорхой болсонтой холбоотойгоор хохирогч өөрөө хандах байдал нэмэгдсэн.

Гэхдээ цагдаад хандсан ч хуулийн хариуцлага чанга байхыг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүсдэггүй. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нөхрөө хууль хяналтын байгууллагын албадлага нөлөөн доор ойлгуулья, ухамсарлуулъя гэж л хүсдэг. Хуулинд хүчирхийлэл үйлдэгчийг албадан сургалтанд хамруулах заалт оруулсан л даа. Гэсэн ч заавал гэмт хэрэгтэн болоод баривчлагдаад очсон хорих газар нь л албадан сургалт хийхээр байгаа. Хийсэн үйлдэлдээ харамсч байгаа хүмүүсийг заавал хорьж цагдахгүйгээр албадан сургалтад явуулаад, сургалтандаа явахгүй, засрах хүсэлгүй этгээдэд дараагийн шатны арга хэмжээг авдаг байдлаар үе шаттайгаар шийдэх учиртай. Гэтэл одоо тийм биш байна.

-Заавал цагдаад бариулсны дараа сургалтанд сууна гэсэн үг үү. Эхнэрүүдийн хувьд нөхрөө шууд гэмт хэрэгтэн болгохыг хүсэхгүй, үүнээс өмнө нөхрөө ухамсарлуулаад авмаар байгаа. Ийм тохиолдолд хэнд хандаж болох вэ?

-Албадан сургалтаас гадна сайн дурын сургалтууд бий болгох хэрэгтэй. Хүчирхийллийн хохирогчид нэг удаа зодуулаад цагдаад ханддаггүй шүү дээ. Статистик харж байхад зургаагаас долоон жилийн дараа ханддаг. Эхлээд өөрсдөө асуудлаа шийдэх гэж үздэг. Хамаатан садандаа хандана, лам хуврагаар явна. Амь насанд нь аюул учирсан юм уу, асуудлаа шийдэж чадахгүйгээ мэдэрсэн үедээ л хууль хяналтын байгууллагад ханддаг. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь бие даасан гэмт хэрэг. Хөнгөн, хүнд гэмтэл учирсан уу гээд гэмтлийн зэрэг шаардахгүй. Гэтэл манайхан гэмтлийн зэргийг тодорхойлуулахад ихэвчлэн хөнгөн гэмтэл гарахаар нь хөнгөн гэмтэл гэдгээр нь ялаас нь чөлөөлөөд байгаа тохиолдлууд гарч байна.

-Зодож нүдээд байхгүй ч байнга дарамтанд байлгадаг, алчихна шүү гэж айлгаж сүрдүүлдэг тохиолдлууд их байдаг. Ийм нөхцөлд яах вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт сэтгэл санааны дарамт ч, бэлгийн хүчирхийлэл ч багтаж байгаа. Олон хэлбэрүүдтэй. Гэхдээ сэтгэл санааны дарамтанд байгаа гэдэг шалтгаанаар эмэгтэйчүүд хуулийн байгууллагад нэг их ханддаггүй. Зарим нь хүчирхийлэлд өртсөн гэдгээ ч мэддэггүй.

Айл болгонд хэрүүл маргаан бий. Хүчирхийлэл, хэрүүл маргаан юугаараа ялгаатай билээ. Хэрүүл маргааны үед асуудлаа айдасгүйгээр гаргаж тавина. Хүчирхийлэлтэй харилцааны үед нэг нь л давамгайлна. Нэг хүний эрх ашгаар хамаг юм шийдэгдэнэ. Нөгөө нь айдастай байдаг. Эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа гэдэгт асуудал бий.

Гэтэл манайд хүчирхийлэл үүсгэж байгаа суурь шалтгаан нь мод байлаа гэхэд ил харагдаж байгаа салаа мөчир болох архидалт, боловсролын байдал, ядуурлын тухай яриад байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгааныг төдийлөн ярьдаггүй. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 80-90 хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Яагаад эмэгтэйчүүд өртөөд байна гэхээр эмэгтэйчүүд сул дорой хүйстэн. Эр хүний эрхшээлд байх ёстой гэсэн хандлага нөлөөлөөд байна. Гэр бүлд хэний эрх мэдэл давамгайлж байна? Хэн хяналтаа тогтоож байна гэдгээс энэ нь хамаардаг. Магадгүй эмэгтэйчүүд ч хяналтаа тогтоож байж болно. Гэр бүлд хяналтаа тогтоож байгаа ч нийгэмд шийдвэр гаргах түвшинд хэний эрх мэдэл давамгай байна гэдэг өөр асуудал.

Анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлуулахаар хөөцөлдөж байхад хэдэн төрийн бус байгууллагын хүүхнүүд гаднаас гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нэр томъёо оруулж ирлээ. Монголд ийм асуудал байхгүй байхад гэр бүлийн хүчирхийлэл гэж ярилаа гэдэг байсан. Одоо бол нийгмээрээ хүчирхийллийг эсэргүүцэх уур амьсгал бүрдэж байна. УИХ-ын гишүүд хүртэл анхаарал хандуулж эхэлж байна. Анх хамгаалах байрны ач холбогдлыг ойлгохгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийг тусгаарлана гэхээр “Гэр оронд нь байлгахгүй юм уу” гээд эсэргүүцэлтэй тулдаг байв. Одоо эрх зүйн орчин сайжирсан ч зарим санкцийн хувьд анхаарах зүйл бий.

-Гэхдээ л сэтгэл санааны дарамтыг ойшоохгүй өнгөрүүлж боломгүй. Сэтгэл санааны дарамтанд байсаар өвчтэй, өөрөө хэрэгтэн болчихсон эмэгтэйчүүд ч байдаг?

-Зарим эмэгтэй байнга ингэж дарамтлуулж байснаас ганц удаа зодуулсан нь дээр гэх жишээтэй. Нөхөр нь дарамтлаад ажилгүй болгоно. Нэг удаа ажлынхандаа худлаа ярина. Сүүлдээ хамт олноосоо санаа зовоод ажлаасаа гарах нь бий.

Эсвэл найз нөхөдгүй болгоно. Ямар нэг хүрээлэлгүй болгоод бүх харилцаа холбоог нь таслаад өчүүхэн цэг мэт болгодог. Одоогоос арван жилийн өмнө Хөвсгөлд гарсан кейс байдаг. Боловсролтой, гадаадад сургууль төгсөөд ирсэн багш эмэгтэй нутагтаа очоод дунд сургуулийн ангийн хүүтэйгээ суусан. Нөхөр нь байнга зодож дарамталдаг. Хүүхэдтэй болчихсон. Ер нь эмэгтэйчүүд шууд салъя гэж боддоггүй. Хүчирхийллийн цикл яг л ингээд эргүүлэг маягаар явагдчихдаг. Асуудал хуримтлагдаад тэсэрнэ. Хүчирхийлэл үйлдэгдэнэ, нөхөр нь ахиад ингэхгүй гэж гуйна, эвлэрнэ, ахиад асуудал үүснэ. Ингэсээр могой шиг ороогоод авдаг. Хохирогч засрах байх гэж найдна, үр хүүхдээ бодно. Ингэсээр байгаад найз нөхөдгүй болно. Эмэгтэйг зодно, ажлынхнаасаа ичээд үнэнээ хэлж чадахгүй. Эмнэлэгт үзүүлсэн ч шатан дээрээс уначихсан гэж худлаа хэлнэ. Тэр эмэгтэй Хөвсгөлөөс ирж, Хүчирхийллийн эсрэг төвд хандаж байсан. Нөхөр нь ирээд гарын үсэг зураад “Ахиж ингэхгүй” гээд аваад явсан. Чиний найз нар юу юм бэ гэж өөлөөд найз нөхөдгүй болгосон. Тэгсээр нөгөө эмэгтэйг аймгийн төвөөс сумын төв, тэндээсээ хөдөө мал дээр аваачсан. Тэр эмэгтэй тураалын гуравдугаар зэрэгт ороод амьдрах сонирхолгүй болж нас барсан юм.

Олон жилийн дарамтнаас болоод нөхрөө алчихсан эмэгтэйчүүд хориход бий. Одоогоос дөрвөн жилийн өмнө судалгаа хийхэд хүн амины хэрэгт ял шийтгэгдсэн эмэгтэйчүүдийн бараг 50-иад хувь нь олон жилийн гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байсан байдаг. Энэ хүн хэзээ нэгэн цагт намайг ална, би өрсөх хэрэгтэй гэсэн айдас мэдрэмжээр нөхрөө алчихсан эмэгтэйчүүд бий. Гадны оронд ийм хэргийг гэмт хэрэг биш гэж үздэг. Зодуулдаг эмэгтэйн синдром гэж үздэг. Манай шинэ хуулиар хөнгөрүүлэх бүрэлдэхүүн болж орж ирсэн.

-Одоо нөхцөл байдал өөрчлөгдөөд эхнэр нь мөнгө олдог, гэрээ авч явдаг, нөхөр нь ажилгүй байдаг тохиолдлууд их байна. Ийм нөхцөлд бас л эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа үүсч магадгүй?

-Хэний эрх мэдэл давамгайлж байна гэдгээс л шалтгаална. Хохирогчдын 80-90 хувь нь эмэгтэйчүүд байгаа ч эрчүүд бас хохирогч болдог. Манай эрчүүд яаж хүмүүждэг билээ дээ. Эр хүн уйлж болохгүй, зоригтой хүчтэй байх ёстой. Асуудлаа ярьж шалчигнаж болохгүй, гэрээ авч явах ёстой гэсэн хэвшмэл ойлголт эрчүүдэд маань нөлөөлдөг. Эрчүүд ч бас хүн. Эмэгтэй хүн бол уйлаад, хэн нэгэнд асуудлаа яриад, лам хуврагаар яваад бухимдлаа тайлчихдаг. Эр хүн уйлж болохгүй гэж хүмүүжсэн эрчүүд уур бухимдлаа архи ууж, зодоон хийж тайлж байна. Шоронд явж байгаа хүмүүсийн ихэнхи нь эрчүүд. Дундаж наслалтыг үзэхэд эрчүүд эмэгтэйчүүдээс богино наслах жишээтэй. Эрчүүдийн асуудалд ч бид анхаарах хэрэгтэй.

-Гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан нь юу байдаг вэ?

-Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийг архинаас болдог гэдэг. Архи асуудлыг дэвэргэж байгаа хүчин зүйл болохоос суурь шалтгаан биш, нөлөөлж буй хүчин зүйл. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөр үйлчлүүлэгчдийн дунд судалгаа хийхэд 60 хувь нь архи огт хэрэглээгүй хэрнээ хүчирхийлэл үйлдсэн байх жишээтэй. Боловсролгүй хүмүүс хүчирхийлэл үйлддэг гэж ярьцгаадаг. Боловсролтой хүмүүс илүү нарийн аргаар хүчирхийлэл үйлддэг. Эдгээр нь нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос суурь шалтгаан биш. Гол шалтгаан нь энэ миний эрхшээлд байх ёстой гэсэн үзэл хандлага. Эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа. Харин бид ухамсартай нь ажиллахгүйгээр үйлдэлтэй нь тэмцээд байгаа. Албадан сургалт тусгай тактикаар явдаг. Хүнийг чи хүчирхийлэл үйлдэгч, чи муу архичин гэхээр хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Архи уудаг хүмүүс “Би архичин биш ээ” л гэдэг шүү дээ.

“Тэдэн сарын тэдэнд чи хаана байсан. Тэгэхэд эхнэр, хүүхэд чинь ямар байдалтай байсан” гэхээр нээрэн миний хүү ширээн доогуур ороод бүлтэлзээд уйлж байсан, би чинь хүчирхийлэл үйлдчихсэн юм байна шүү гэж ухаардаг. Өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх аргууд байдаг юм билээ. Олон улсын сургалтууд иймэрхүү маягаар явдаг. Манайд ямар байдлаар явах юм. Хууль дүрэм яриад Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн тэдийн тэдийг чи зөрчсөн байна гэвэл төдийлөн үр дүн гарахгүй л болов уу.

-Нөхөр нь хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орохыг тулгасан гээд шүүхэд хандсан тухай гадаад мэдээ уншиж байсан. Манайд ийм тохиолдол байдаг уу?

-Эхнэр нөхрийн хоорондын хүчингийн хэрэг гэсэн олон улсын нэр томъёо байдаг. Архи ууж ирээд эхнэрээ хүсээгүй байхад нь “Чи үйлчлэх ёстой” гэдэг. Намайг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажилладаг байхад тиймэрхүү асуудлаар эмэгтэйчүүд ирж, зөвлөгөө авдаг байсан. Согтуу ирээд хүүхдийнхээ дэргэд унтах гэдэг. Өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохыг шаардсан гэх тохиолдол байсан. Цагдаад хандахаар бараг л “Чи нөхөртөө үйлчлэх ёстой биз дээ” гээд шоолонгуй хандсан гээд хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Хүчирхийлэл эмэгтэй хүний нэр төр, гэр бүлийн нууцтай холбоотой асуудал болохоор эмэгтэйчүүд бүр аргаа барсан хойноо л цагдаа, хууь хяналтын байгууллагад ханддаг.

Categories
мэдээ цаг-үе

С.Дашдорж: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч” цолны сүүлийн шалгалтыг шавь нартайгаа хамт давсан нь сайхан хэрэг

Санхүү, эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн ахлах багш С.Дашдоржийг “Багш” буландаа урилаа. С.Дашдорж тус сургуулийг 2011 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ.Дараа нь МУИС-ийн Эдийн засгийн сургуульд эдийн засгийн онолын магистр зэрэг хамгаалсан байна. Тэрбээр өдгөө төгссөн сургуульдаа долоо дахь жилдээ багшилж байгаа. Компанийн санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалт зэрэг хичээл ордог ажээ.

-Таныг Олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч цол авсан гэж сонслоо. Энэ тухай тодруулаач?

-Санхүүгийн олон улсын мэргэшсэн цол болох итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч (CFA) цолыг энэ жил авсан байгаа. Энэ шалгалт нь АНУ-д төвтэй, CFA институтээс явуулдаг, хөрөнгө оруулагчийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байгаа байгууллагуудын мэргэжилтнүүд буюу хөрөнгө оруулалтын шинжээч, цаашлаад бусад оролцогчдыг нэгдсэн нэг ойлголттой болгох, мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй байлгах үүднээс ийм цолыг бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шударга зах зээлийг үүсгэх зорилготой юм. Үндсэндээ гурван удаагийн шалгалт өгөөд, дөрвөн жилийн ажлын туршлагатай нөхцөлд цолоо авах боломжтой. Миний хувьд тэнхимээсээ энэ цолыг анх авсан гэдгээрээ онцлог.Энэ жил манай хоёр багш энэ цолыг авсан. Энэ шалгалтыг өмнө нь гадаадад очиж өгдөг байлаа. Ихэнхидээ ойрхноор нь Бээжинд өгдөг байсан. Ирэх оноос Монголд авахаар болж байгаа. Итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч болж, карьераа ахиулъя гэсэн залууст шинэ боломж нээгдэж байна.

Монголд энэ цолыг авсан арав гаруй хүн бий. Миний хувьд зургаан шавьтайгаа хамт сүүлийн шалгалтандаа тэнцсэн. Шавь нарын маань ажлын туршлага нь хүрээгүй байгаа учраас цолоо хараахан аваагүй байгаа. Гэхдээ шавь нартайгаа хамт сүүлийн шалгалтаа давсан нь багшийн хувьд сайхан хэрэг.

-Та Монголд төгссөн бүтээгдэхүүн. Олон улсын цол авна гэдэг монгол сургууль төгсөгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн үг?

-Монголд сурсны давуу тал нь маш олон танилтай болдог. Төгсөгчид бие биенээ таньдаг. Энэ нь эргээд бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд маш том давуу тал юм. Монголд төгссөн ч олон улсын зэрэг цол авна гэдэг сул талаа нөхөх сайхан боломж. Зөвхөн CFA гэсэн ганц шалгалт байдаггүй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшихийг хүсч байгаа хүмүүс, даатгал, хөрөнгийн үнэлгээгээр мэргэшсэн хүмүүст зориулсан маш олон төрлийн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг мэргэжлийн цол, зэрэг бий. Монгол залуус сүүлийн үед энэ шалгалтуудыг зорьж өгч, цол авах болсон. Бидний хувьд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллах боломж улам нэмэгдэж байгаа.

-Багшлахаас гадна эдийн засагчийнхаа хувиар ажилладаг уу?

-Сургуулиа төгсөөд шууд багшилсан болохоор номоо л барьдаг байсан даа. Манай компаниудын мэдээлэл хаалттай байдаг учраас дотоодын кейсүүдээр сургалт явуулах боломж багатай. Гэхдээ сүүлийн үед АПУ ХК, Сүү ХК, Говь ХК зэрэг компаниудын мэдээлэл нээлттэй болж байгаа. Гадаад сурах бичиг ашиглахаар дандаа гадны компаниудын кейс байж таардаг. Шууд багшилсан хүний хувьд практикт ийм байдаг гэж ярихад амаргүй.

Одоо цол зэрэг авч, багшлахын зэрэгцээ янз бүрийн төсөлд хамрагдаж, судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэх боломж бий.

-Монголд олон улсын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээч юу хийдэг вэ?

-Хөрөнгө оруулагчийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалтын шинжилгээ хийгээд, ямар хөрөнгө оруулалт хийвэл илүү оновчтой, энэ хүнд илүү тохирох вэ гэдгийг судалж, маш болгоомжтой, хянуур, үндэслэлтэй, ёс зүйтэй мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зорилготой цол гэж түрүүнд дурьдсан. Одоогоор уг цолтой монгол мэргэжилтнүүдийн хувьд бизнесээ тэлэхээр санхүүжилт авахыг хүссэн компаниудад гаднаас санхүүжилт олж өгөх чиглэлээр илүүтэй ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулалтын санд ажиллах нь илүү тохирдог. Жишээлбэл, иргэдийн хувьд мэдээлэл, чадвар харьцангуй дутмаг байдгаас өөрсдөө шууд хөрөнгө оруулахад хүндрэлтэй. Тийм учраас эдгээр хүмүүсийн нэрийн өмнөөс хөрөнгө оруулалт хийх боловсон хүчин бэлтгэгдэж байна гэж болно. Ялангуяа ирээдүйд хувийн тэтгэврийн сан гэх мэт хөрөнгө оруулалтын компанийн менежер болж ажиллах хүмүүс гэж ойлгож болно.

-Ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг ч мэргэжлийн бус хүмүүсийн хувьд амаргүй л дээ?

-Манайхан ашигтай хөрөнгө оруулалт гэж буруу ойлголттой явдаг. Үнэндээ энэ бол зорилготой хөрөнгө оруулалт байх ёстой. Бидэнд илүүдээ гарсан мөнгө байхгүй. Хүүхдийнхээ боловсролд зориулж, тэтгэврийн хуримтлалаа өсгөхөөр хөрөнгө оруулалт хийж байгаа. Тэгэхээр алсыг харж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлд үүсч байгаа савлагаанаас огцом ашиг хийх хөрөнгө оруулалт руу нийтээрээ хандаад байж болохгүй. Урт хугацаатай оновчтой хөрөнгө оруулалт байх ёстой. Жишээлбэл Монголд байгаа хувьцаануудыг худалдаж авах нь маргаашийн огцом өсөлтөөс ашиг хүртэх гэхээсээ урт хугацаанд энэ компаниудаас өгөөж хүртэх хөрөнгө оруулалт гэсэн үг.

-Нэг сониуч асуулт байна. Шарк танк гээд шоу нэвтрүүлэг үздэг үү. Ингэх ёстой байсан юм даа гэх бодол орж ирдэг болов уу?

-Монгол телевизээр гарч байгаа Шарк танк нэвтрүүлгийг алгасахгүй үзэхийг хичээдэг. Мэдээж маш хэрэгтэй нэвтрүүлэг. Танд сайхан санаа байвал яагаад бизнес болгож болохгүй гэж. Хамгийн гол нь маш сайн төлөвлөх хэрэгтэй. Хэрэв тэр бизнес ирээдүйд үр өгөөжөө өгнө гэж үзвэл хөрөнгө оруулагч олддог юм гэдгийг харуулах зорилготой нэвтрүүлэг гэж бодож байна. Ер нь энэ нэвтрүүлгээс гадна жижиг, эхэлж байгаа бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх механизмууд бий. Монголд энэ механизмыг улам хүчтэй болгоход энэ нэвтрүүлэг чухал ач холбогдолтой.

Өөрт хэрэгтэй зүйлээ бүтээхээс бизнес эхэлж байгааг бид энэ нэвтрүүлгээс харж байгаа. Хэнд ч бизнесийн санаа төрж болно. Санаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Заавал том бизнес хийх албагүй. Бизнес хүнд хэрэгтэй, өгөөжтэй байх ёстой. Мэдээж Шарк танк нэвтрүүлгийн хөрөнгө оруулагчдын хувьд өөрөө ойлгож, хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулж чадна гэж үзэж байгаа бизнесээ сонгож буй болов уу. Нэвтрүүлгийн үеэр сонгогдоогүй байлаа гээд тэр бизнес огт явахгүй гэсэн үг биш л дээ.

-Та яагаад багш болсон бэ. Эдийн засагч байсан бол илүү өргөн хүрээнд ажиллах боломж гарах байсан биш үү?

-2011 онд төгсөх гэж байхдаа хоёр найзтайгаа хамт сургуулиа төлөөлж, Олон улсын оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Тэр үед надад сургуульдаа багшлаач гэдэг санал ирсэн. Тухайн үедээ өөр ажил хайж үзье гэж бодоогүй. Багшаар ажилласандаа харамсдаггүй. Багш хувь хүнийхээ хувьд хөгжих боломжтой. Хэрэв би мундаг багш бол өөрөө хөгжөөд зогсохгүй маш олон хүнийг хөгжүүлж чадна. Энэ нь эргээд мөнгөн бус үр өгөөжтэй. Багш болох сэдэл төрүүлсэн бас нэг зүйл надад хичээл зааж байсан Ц.Батсүх багш маань зааж, судалж байгаа зүйлээсээ кайф авдаг нь сайхан санагдсан. Тэр багш шигээ мундаг болох сон гэж зорьдог.

-Багш хүний жаргалыг мэдэрсэн үе байв уу?

-Анхны шавь нартайгаа бараг л найзууд шиг байдаг. Тэднээс хүндлэл мэдэрдэг. Асуудал гарахад багшаа гэсэн сэтгэлээр дэмждэг. Шавь нар маань амжилттай явааг харах маш их кайфтай. Миний заасан зүйл хэрэг болж байгааг харах сайхан. Манай сургуульд багшилдаг шавь бий. Гадаадын хөрөнгө оруулалтын байгууллагад шинжээч, арилжааны банкууд, уул уурхайн компаниудад ажилладаг, хувиараа бизнес хийж байгаа шавь нар бий.Хааяа уулзахдаа тэднээсээ маш ихийг сурдаг.

-Та өөрийгөө хөгжүүлэхэд хэр их цаг зарцуулдаг вэ?

-Хагас сайнд бас хичээл ордог учраас бүтэнд сайнд амардаг. Багшийн том хариуцлага хичээлийн бэлтгэл. Зааж байгаа чиглэлээрээ маш сайн мэдлэгтэй байх шаардлагатай. Ганц ном уншаад болчихгүй. Бодит байдал дээр юу болж байгааг мэдэхийн тулд янз бүрийн судалгааны ажил уншдаг. Нэг хичээлийг нэг удаа бэлтгээд болчихгүй. Тасралтгүй хөгжих шаардлагатай.

-Та онол үзсэн хүн. Харин Монголын эдийн засаг тоглоомын дүрэмгүй гэж ярьцгаадаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Гэхдээ энэ байдал аажмаар өөрчлөгдөж байгаа. Маш олон жишээнээс харж болно. Хүмүүс боловсрохын хэрээр мэдлэгтэй, чадвартай хүмүүс нь бизнесийг авч явж таарна. Монголд ийм юм чинь гээд боловсрол олгохгүй байж таарахгүй. Дэлхийтэй хөл нийлүүлэх том зорилго бидэнд бий. Дэлхийн хамгийн том зах зээлийн дэргэд байгаа гэдэг утгаараа ирээдүйд бидэнд маш том боломжууд үүснэ. Түүнд бэлэн байх ёстой.

-Судалгаа их хийдэг үү?

-Сүүлийн жилүүдэд Монголбанктай хамтрах, Санхүү эдийн засгийн их сургуулийн өөрийн дотоод санхүүжилттэй судалгаа, бизнесийн байгууллагуудын захиалгат судалгаанууд дээр ажилласан.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: Монголдоо ноёрхож чадаагүй бүтээгдэхүүнийг экспортолно гэж даанч байхгүй

БСБ групп компанийн ерөнхий захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Ингэхэд та аль сургуулийн бүтээгдэхүүн бэ, ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би Белоруссийн нийслэл Минскт 1983 онд худалдааны эдийн засгаар төгссөн. Эхлээд Улаанбаатар хотын худалдааны наймдугаар конторт ажилласан юм. Тэр үед сургууль төгсч ирэнгүүт дороос нь эхлүүлдэг үе байлаа. Жилийн дараа Худалдаа бэлтгэлийн яаманд Төлөвлөгөө санхүүгийн хэлтэст мэргэжилтнээр орлоо. 1990 он хүртэл тэнд ажилласан. Түүний дараа нэг хэсэг сайд нарын зөвлөлийн орлогч даргын нарийн бичгийн дарга байлаа. Удалгүй ардчилсан хувьсгал эхлэхэд огцроод, Засгийн газар байгуулагдахад Эдийн засгийн бодлогын зөвлөлд дотоод худалдаа хариуцсан референтээр ажилласан. Тэнд хоёр жил болсон юм. Тухайн үед либериаль үзэлтэй нь Да.Ганболд бид нар. Өмч хувьчлаж, үнэ чөлөөлөн, хувийн өмчийг хөгжүүлэх гэж үзсэн. Тэр үед бүх үйлдвэр улсынх. Дээрээс томилогдсон хэдэн даргатай. Тэд үнэ чөлөөлөх ямар ч сонирхолгүй. Яагаад гэвэл нэг нэхий дээл худалдааны үнээрээ 500 төгрөг байхад хар зах дээр элбэг 1000 төгрөг хүрдэг байлаа. Гэсэн ч дэлгүүрт байхгүй. Тэр нь дарга нарт гоё. Цохолт өгөх эрх мэдэлтэй байх сонирхолтой. Бид Өргөн хэрэглээний барааны төв бирж байгуулаад, биржээр бүх барааг хүчээр оруулж, дуудлага худалдааны хэлбэрээр зах зээлийн бодит үнэ тогтоож байсан. Нэг, хоёр жил “байлдсан”. Үйлдвэрүүд мань мэтэд захирагдахгүй. Харин биржид хувийн хэвшлийнхэн бараагаа амжилттай борлуулж байлаа. Оросоос нэг нөхөр вагон вагоноор нь марль оруулж ирээд, биржид нэг нугалсан үнээр дор нь бүгдийг нь зарсан. Бараа ховор үе. Богино хугацаанд бараагаа зараад урамшсан нөгөө нөхөр эхлээд нэг төрлийн марльтай байснаа сүүлд нь нэр төрөл нь нэмэгдсэн. Энэ мэтээр барааны хангамжийн асуудал үндсэндээ шийдэгдэв. Тэгтэл хувийн хэвшлийнхэн бараагаа зарж, үнэ хүргэхээ ч мэдээд ирэхээр бидний шаардлагагүй болсон. Улсын үйлдвэрийн газар байсан биржээ яаманд нь буцааж, өмчийг нь тараагаад, татан буулгачихсан. Засгийн газрын автобаазад дөрвөн машин балансаас балансад шилжүүлж байсан санагдана.

-Тэгээд та яаж яваад бизнест хөл тавив, ганзагын наймаа хийж байсан уу?

-Засгийн газарт байхдаа курст шалгалт өгсөн чинь тэнцээд, 1993 онд Голланд улсын Маастрихт хот дахь Олон улсын менежментийн сургуулийн Post-graduate дамжаанд Монголоос суралцах 20 хүний бүрэлдэхүүнд орсон маань миний амьдралын түүхэн эргэлт байлаа. Тэнд жинхэнэ бизнесийн хичээлийг заалгасан даа. Түүнээс хойш би нэг л юм ойлгосон. Одоогийн миний хашиж байгаа төрийн албаны цалин хулгай хийдэггүй л юм бол амьдралд хүрэлцэхгүй. Юун машин авах, хүүхдэдээ боловсрол олгох, байранд орох. Харин капитализм бол шударга нийгэм гэж бодогдлоо. Коммунизм бөөн дарангуйлал, нэг нэгийгээ хуурсан, худлаа лоозогносон санагдсан. 1994 онд хоёр найзтайгаа компани байгуулсан. Найзтайгаа ажиллаж болдоггүй юм билээ. Арга хэмжээ ч авч болохгүй, үгэнд орохгүй, хоёр жил жаахан будилж байгаад ний нуугүй хэлэхэд гурван тийшээ болсон. 1996 онд БСБ сервисийн ерөнхий захирал, үүсгэн байгуулагч А.Сүхдорж холбогдлоо. Тэгэхэд БСБ сервис таван жил болчихсон компани. “Партнёр болъё. Чи хувьцаанаас ав, манай гурван нөхөр компаниас гарч байгаа гэсэн. Тухайн үед надад татлаа түлхээ байгаагүй учраас яагаад болохгүй гэж гээд орчихсон. Ийм л түүхтэй. А.Сүхдорж захиралд би хэрэгтэй хүн байсан. Тэнд байсан улсууд дандаа программ бичдэг. Компьютерийн улсууд худалдаагаа мэдэхгүй. Ямар байдалтай байсан гэхээр эхлээд программ бичих гэхээр компьютер байхгүй Сингапураас компьютер оруулж ирсэн. Компьютер зараад байсан чинь хэдэн төрийн байгууллага, сургууль нь дуусчихгүй юу. Тэгэнгүүт Фунай телевизор аваад ирсэн юм билээ. Дороо алга болсон. Би хүртэл барааг нь биржээр оруулаад зарж өгч байлаа. Телевизор нь илүү ашигтай болоод, дараа нь угаалгын машин, хөргөгч, цахилгаан бараа оруулж ирсэн. Нэг их олон хүн суугаад юм бичээд байдаг программын бизнес нь томордоггүй, ашиг орлого байхгүй. Нөгөө ойлгодоггүй худалдаа нь томроод байдаг. Эльба төв гээд дэлгүүр байсан даа. Тэр үед нь орж байлаа. Тэгээд сүүлд Сүхээ захирал “За би дуртайгаараа программаа л бичье” гэсэн. Бид эхэндээ долоон хувь нийлүүлэгчтэй охин компаниуд байгууллаа. ТУЗ-ийн хурал хийнэ. Нэг нэгийнхээ ажлыг ерөөсөө ойлгохгүй. Шал утгагүй болоод ерөөсөө “Энэ компанийг чи даргалж байгаа юм чинь чи ав” гэсэн.

-Социализмын үеийн худалдааны эдийн засагчаас зах зээлийн үеийн бизнесмэн болж хувирахад амаргүй байв уу?

-Өнөөдөр ярьдаггүй л болохоос социализмын эдийн засаг оршин тогтнох чадваргүй гэдгээ наяад онд харуулсан юм. Ямар ч үр ашиг байгаагүй. Эдийн засаг улс төрийн суурь шүү дээ. Эдийн засаг нь болохоо байгаад ирэхээрээ л улс төр нь хямардаг. Орос хямарсан, дагаад Монгол ч хямарсан. Р.Амаржаргал, Да. Ганболд бүгд л багш байв. Эд нар зах зээлийн эдийн засгийн ойлголт авчихсан. Ийм байх ёстой гээд л хоорондоо их уулзаж ярьдаг. Аяндаа тэр рүү орсон. Өөрөөр хэлбэл час улаан коммунист байснаа гэнэт ардчилсан болчихоогүй. Угаасаа нийгэм дотроосоо ялзарч унаж байсан. Түүнийг нуун дарагдуулдаг. Бараг ардчиллынхан Монголыг сүйрүүлсэн гэцгээдэг. Тийм биш. Үйлдвэрүүд угаасаа дампуурчихсан байсан шүү дээ. Ажил нь зогсчихсон, агуулахад байсан хамаг бараагаа хулгайлчихсан. Материалуудыг нь Эрээнд аваачаад зарчихсан, тоног төхөөрөмжийг нь мултлаад авчихсан байв. Хувийн өмч гэж байхгүй бол улсын өмчийг идээд дуусгадаг.

-Өмч хувьчлалын үеэр та өмч хувьчилж авсан уу?

-Хувьчлах ч юу байхав. Өмч хувьчлах бидний бодож олсон схем эрхийн бичиг. Ерөнхийдөө нэг ийм процесс алдаа оноотой явсан даа. Хувьчлал заавал хийх ёстой байсан. Өмч эзэнгүй бол хулгайлдаг. Би Засгийн газарт байхдаа Д.Бямбасүрэн гуайд загнуулдаг байлаа. Ерөнхий сайд өдөр бүр тэдэн тонн мах худалдаанд гарч байна, хэдэн литр сүү, талх, өндөг зарагдсан гээд мэдээ авдаг. Нэг өдөр намайг дуудав. Яагаад өндөгний худалдаа арав дахин буурчихсан юм бэ гэлээ. Мэдэхгүй гэсэн. “Худалдаа хариуцсан ухаантай юм бол чи Шувуун фабрик руу яваад учрыг нь олж ир” гэлээ. “За” гээд явав. Очсон чинь хашаанд нь дөчин нүх гаргачихсан. Шөнө нь машинууд оочерлоод сетктэй өндгийг гаргаад л байдаг. Дэлгүүрт өндөг зарахгүй, хулгайлсан хүмүүсийнх нь халаасанд мөнгө нь ордог. Энэ тухай би танилцууллаа. “Улсын өмч болохоор ажилчид нь өөрсдөө хулгайлаад байна шүү дээ” гэсэн. Яаж шийдэх вэ гэхээр нь “Надад 80 цагдаа өг. Онгорхой болгон дээр нь хоёр хоёр цагдаа тавья” гэсэн. Пүрэв генералыг дуудаад “Энэ хүүхэд 80 цагдаа өг гэж байна. Өөр аргагүй гэнэ ээ” гэж загнасан. “Өөр арга бий, хувьчил” гэлээ.

-Цахилгаан барааны бизнес эрхэлдэг компаниуд олон. Танайх юугаараа ялгарах вэ?

-Би бизнесийн сургалтанд хамрагдаад олон номтой ирсэн. Номоор нь явсан болохоор хорин хэдэн жил тогтвортой, бизнес хийж байгаа. Гэхдээ Монголд тоглоомын дүрэм байхгүй. Бид татвар төлж байхад тэнд нэг нь татвар төлөхгүй байх жишээтэй. Ном үзсэн хүмүүс халз өрсөлддөггүй. Аль болохоор ялгарал хэрэгтэй. Сингапурчуудтай бид хамтарч ажилладаг. Тэд хэлдэг юм. “Та нар нэг нэгийгээ доош нь унагаагаад байх юм. Бизнесийн “А” ч байхгүй” гэдэг. Хятад хүний генд нь бизнесийн ухаан бий. Яаж мөнгө олохоо мэддэг.

-Төрөөс бизнесийг яаж дэмжих хэрэгтэй гэж үздэг вэ?

-Төр аль болохоор бизнест оролцохгүй байсан нь дээр. Мэдэхгүй хүн оролцохоор бантан хутгана шүү дээ. Сүүлийн үед хэн мөнгөтэй нь дарга болдог болсон юм шиг байна лээ. Төр мөнгө өгчихөөр, импортийн татварыг нь нэмчихээр хөгжих юм шиг санацгаадаг. Төр бизнест оролцохгүйгээр орчныг нь бүрдүүлэх учиртай. Бизнес ургамал шиг. Хөрс нь тэжээллэг, чийглэг, нар тусдаг агаартай байх ёстой. Тэгэхэд Монголд цөл, усгүй, хүйтэн орчинтой. Хүний мөнгө олох сэдлийг нь хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл Монголд одоо хүртэл мөнгө олох муухай гэцгээдэг. Манай МҮХАҮТ дээр бизнесүүд ярьдаг юм. Ажилчдыгаа халчихгүй шиг цалин тавиад байвал боллоо гэдэг. Би үүнд шүүмжлэлтэй ханддаг. Бизнес яах гэж байдаг вэ. Ашиг олох гэж. Ашиг олох муухай гэсэн ойлголт нийгэмд байна. Ашиг олж байж илүү хөрөнгө оруулалт хийж бизнес томорно. Олон хүн ажилтай болно. Татвар төлнө. Багш, эмчийн цалинг өгнө. Хэрэв бүх компаниуд ашиггүй ажиллавал улс хаанаас татвар цуглуулах юм. Бизнесмэн хүн ашиггүй ажиллана гэдэг нийгмийнхээ өмнө гэмт хэрэг үйлдэж байна гэж үзэх нь бий.

-БСБ удаан хугацаанд тогтвортой ажилласан компаниудын нэг гэдгийг хүмүүс мэднэ. Хүмүүс тэр бүр мэддэггүй салбар чиглэл байдаг уу?

-Өөр салбар руу орохын тулд илүүдэл мөнгө байх ёстой. Тэгвэл өнөөг хүртэл тийм нөхцөл бүрдээгүй л байна. 27 жил болоход дахин шинэ бизнес хийх нөхцөл бүрдсэнгүй. Харьцангуй гайгүй болсон. Бүх дэлгүүрийн барилгууд өөрийн өмч, банкнаас зээл авахгүйгээр өөрийн хөрөнгөөр явж байгаа. Жаахан илүү мөнгө гарахаар банкинд хийгээд хэрэгтэй үедээ авдаг. Дөнгөж ийм түвшинд хүрч байна. Манайх зах зээлийн 30-35 хувийг эзэлдэг. Бид импортын компани болохоор валютын ханшаас хамаарна. Бидний борлуулалт 80 гаруй тэрбум байгаа. Дөрвөн жилийн өмнө л ийм хэмжээнд байсан. Н.Алтанхуяг гэж Ерөнхий сайд байлаа шүү дээ. Баахан бужигнуулсан, бонд авчраад тараасан. 1400 төгрөг байсан долларыг 2400 болгосон нөхөр. Манай борлуулалт нийт дүнгээрээ гурван жилийн өмнөхтэй адил. Өмнө нь таван телевизор зардаг байсан бол одоо гурав юм уу дөрвийг зардаг болсон. Биднийг бүгдийг ядууруулсан. Энэ популизмын уршиг.

-Танд мөрөөдөл байдаг уу, боломж олдсон бол ийм салбар руу орох юмсан гэж төлөвлөдөг үү?

-Хуучин бол байсан л байх. Өнөөдрийн хувьд орчин байхгүй байна. Ийм үед ямар нэг юм хийхэд асар их энерги гарах ч үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй. Говьд байгаа нэг нөхөр хэдэн ямаанд нь хамар хатгах өвсгүй байж банан, лимон тарихыг мөрөөдөөд яах вэ дээ. Бизнес хийж шатсаар байгаад утопи юм ярихаа байчихдаг.

-Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай их ярьдаг. Ийм боломж Монголд байгаа юу?

-Энэ бол мөрөөдөл. Эдийн засагч хүний хувьд нэг тайлбар хэлье. Зардал хоёр янз. Тогтмол, хувьсах зардал гэж бий. Би бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үйлдвэрлээгүй тогтмол зардал байнга гарна. Цалин, тоног төхөөрөмжийн элэгдэл, цахилгаан, дулааны зардал гарна. Хугарлын цэг гэж ярьдаг. Тодорхой тооны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж тогтмол зардлаа давдаг. Телевизийн үйлдвэр байлаа гэхэд ядаж 100 мянган ширхэг үйлдвэрлэж байж тогтмол зардлаасаа илүү гарна. 200 мянгыг хийж байж ашиг олно. Монголын хэрэгцээ тавхан мянга. Ашигтай үйлдвэрлэл явуулахад манай зах зээл 100 дахин жижигхэн. Хүмүүс ашиг гэдгийг мартчихаад юм хийх гээд байдаг. Дотоодын цемент үйлдвэрлэчихлээ. Ашиг олохын тулд Хятадын цементээс хямдхан, чанартай байх ёстой. Түүнээс үнэтэй, муу хийвэл эргээд л Хятадынхыг авах болно. Тэгж хийх үндэс бага. Массын үйлдвэрлэлээр Хятадтай өрсөлдөж чадахгүй. Тэдэнд байдаггүй өөр нэр төрлөөр хийх учиртай. Бас нэг дүрэм бий. Монголдоо ноёрхож чадаагүй бүтээгдэхүүнийг экспортолно гэж даанч байхгүй. Дэлхийн зах зээлд эсгий таавчигаараа л гарч магадгүй. Би бол гэртээ эсгий таавчиг хэрэглэдэг. Хямдхан, биед сайн, оросууд Монголд ирэхдээ эсгий таавчиг авдаг юм байна лээ. Гадаадад амьдардаг монголчууд “Зэврүүн хүйтэн шүү” гээд эсгий таавчиг дөрөв, таваар нь авдаг. Харахад царай муутай ч хүний хэрэгцээ хангаад байгаа юм. Дизайныг нь сайжруулчихвал оросууд авна. Сибирийнхэнд ноос байхгүй шүү дээ.

-Орчин үед тан шиг даруухан, нүдний шилтэй, туранхай бизнесмэнүүд олшироод байна. Таны амьдралын хэв маягийг сонирхъё. Эсгий таавчиг гэдэг шиг таны хэрэглэдэг, идэж уух дуртай зүйлсийн тухай яриач?

-Хоёр юм нөлөөлсөн байх. Бидний үеийнхэн угаасаа таргалахгүй юм шиг байгаа юм. Дөч, тавин мянгатын маслотой талх идэж өссөн хүүхдүүд таргалж чаддаггүй юм шиг ээ. Өглөөдөө би гимнастик хийчихдэг юм. Сайндаа биш. Миний нуруу өвддөг байсан юм. Нуруу өвдөөд зөндөө юм болсон. Ашгүй нэг дасгал заалгаад, түүнийгээ өдөр болгон хийдэг. Миний гимнастикийн 50 хувь нь тэр дасгал. Залхуу байсан. Нуруу өвдөөгүй бол яах ч байсан юм.

-Танай хүүхдүүд хаана боловсрол эзэмшсэн бэ?

-Том нь дээр үед оюутан болоод төгсчихсөн. Бага маань 15 настай. Эхлээд орос сургуульд өгч байсан. Дэг журам, сахилга батыг нь бодож орос сургууль сонгосон юм. Явц дундаа хагас цэрэгжсэн байх дэмий гэж бодох болсон. Тогтвортой багшгүй, сургалт нь муудаад ирэхээр нь “Орчлон”-д өгсөн. Сэтгэл хангалуун байна. Кембрижийн стандартаар сургадаг юм билээ.

-Гэргийнхээ тухай танилцуулаач?

-Бид нэг сургуулийнх юм. Минскт танилцаад гэр бүл болсон. Бас л худалдааны хүн. Хотын худалдаанд ажиллаж байсан. Ерээд оноос цуг ажиллаж байсан конторын дарга нь хувийн компани байгуулсан юм. Даргаа дагаад компанид нь ажиллаж байлаа. Манай бага төрөхөд хүүхдээ хараад эргэж ажилдаа ороогүй. Ажиллах онц шаардлага байгаагүй л дээ.

-Та ямар нэг намд харьяалагддаг уу?

-Би аль ч намд элсээгүй. Нам гэдгийг онцгүй л гэж үздэг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн жорлонгийн өдрийг угтаж, Ц.Оюунгэрэлийн “Жорлонгоо өөрчилье” номын нээлт боллоо


Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр”. Энэ өдөрт зориулсан Ц.Оюунгэрэлийн “Жорлонгоо өөрчилье” номын нээлт өчигдөр Мобикомын Ансор төвд боллоо. Жорлонгоо өөрчлөхөөр зүтгэж байгаа Ц.Оюунгэрэл олон найзууд, дэмжигчид, түншүүдтэй болжээ. Энэ өдөр зөвхөн Ц.Оюунгэрэлийн номын тухай ярилцсангүй. “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпораци, Улаанбаатар Ротари клуб, “Wash Action of Mongolia” ТББ, НҮБ-ын Хүн амын сан, “Гэр” иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв, Нутгийн шийдэл сан гэсэн долоон байгууллага хамтран, энэ жилийн “Дэлхийн жорлонгийн өдөр”-өөр хийсэн бүтээснээ танилцуулсан юм. Номын нээлт Мобикомын Ансор төвд болсон нь санамсаргүй биш.

“Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Мобиком корпораци жорлонгоо өөрчлөх ажилд тууштай зүтгэж, “Ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж” төслийг санаачлан, дөрвөн жилийн дотор 16 аймгийн 58 сумын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг халуун, хүйтэн усаар гар угааж, эрүүл тухтай бие засах орчныг бүрдүүлжээ.

Улаанбаатар Ротари клубыг төлөөлж ирсэн А.Мөнхжаргал ротаричууд маш эртнээс арин цэврийн байгууламжид анхаарч ирсэнийг онцоллоо. “Яг үнэндээ ротаричууд хамгийн анх 1907 онд Чикагод сайжруулсан жорлон барьж байсан” гэсэн шүү.

Улаанбаатар ротари клуб гэхэд л гишүүдийнхээ хөрөнгөөр 2005 оноос хойш Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, гэр хороолол, орон нутгийн 20 орчим сургуулиудад эрүүл ахуйн шаардлага хангасан бие засах газар, халуун ус байгуулж өгчээ. Эдгээр байгууллагууд бүгд сургууль, цэцэрлэгийн жорлонд анхаарсан нь учиртай.

2017 онд НҮБ-ын Хүүхдийн сан, БСШУС-ын яамнаас ус, ариун цэврийн нөхцөл байдал сургууль цэцэрлэгт ямар байгааг судлахад Улаанбаатар хотын сургуулиудын 95 хувь нь дотроо жорлонтой бол хөдөө орон нутгийн сургуулиудын 49 хувь нь гадаа нүхэн жорлон ашигладаг гэсэн дүн гарчээ. Уг нь сургуулийн жорлон 30 метрт байх журамтай ч зарим сургуулийн сурагчид бие засахын тулд 100 метр явдаг гэнэ. Хөдөөгийн дотуур байрны сурагчдын 87 хувь нь гадаа нүхэн жорлон ашигладаг байна. Эдгээрийн дийлэнхи нь уламжлалт нүхэн жорлон байдаг тухай жорлонгоо сайжруулахаар олон жилийн өмнөөс зүтгэсэн WASH Action of Mongolia” төрийн бус байгууллагын менежер П.Ариунаа ярилаа.

Тус байгууллага жорлонгийн олон хувилбаруудыг туршин, манай орны цаг уур, монгол хүний онцлогт тохирсон шийдлүүдийг олохоор ажиллаж ирсэн юм. 2017 онд гэхэд л тэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн зургадугаар цэцэрлэг, 85 дугаар сургуульд шинээр ариун цэврийн байгууламж барьж өгчээ.

Нээлтэнд ирсэн онцлох зочдын нэг нь НҮБ-ын Хүүхдийн сангийн Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх Ким Хан Чул байлаа. Тэрбээр хэлэхдээ “НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2013 онд Дэлхийн жорлонгийн өдрийг арваннэгдүгээр сарын 19-нд албан ёсоор тэмдэглэхээр зарласан. Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн салбарт ажиллагсдын хувьд энэ чухал өдөр. Энэ өдөр дэлхий даяар нүүрлэж буй эрүүл ахуйн асуудалд, ялангуяа хөгжиж байгаа орнуудын ариун цэвэрт анхаарал хандуулдаг. Хэн нэгнээс эрүүл мэндийг дээшлүүлэхэд хамгийн чухал хувь нэмэр оруулсан нээлт гэвэл вакцин гэж хариулах байх. Гэхдээ энэ бол жорлон байсан гэдгийг хүмүүс сонсоод гайхаж магадгүй. Хүний ялгадас өвчин тараадаг шүү дээ. Дэлхий даяар гэдэсний өвчин хүүхдийг үхэлд хүргэдэг хоёр дахь шалтгаан болдог. Цэвэр жорлон шууд утгаараа хүний амийг авардаг. Дэлхийн нийт хүн амын 60 хувь нь шаардлага хангасан жорлонгүй байна.

Тогтвортой хөгжлийн зорилгын зургаа дахь нь “Хүн бүрт ариун цэврийн байгууламжийг хүргэх” юм. Бид тогтвортой ирээдүйг бий болгохын тулд ариун цэврийн байгууламжийн эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах учиртай. Дэлхийн жорлонгийн өдөр “Жорлонгоо өөрчилье” номын нээлт хийж байгаа Ц.Оюунгэрэл танд баяр хүргэе” гэлээ.

Нээлтэнд нэг бус тэргэнцэртэй иргэн ирсэний нэг нь Түгээмэл хөгжил төвийн тэргүүн Ч.Ундрахбаяр юм. Тэрбээр ярихдаа “Жорлонгийн өрөө бидний хувьд чухал. Би гэмтсэнийхээ дараа МУБИС-д сурч эхэлсэн. Сургууль дээр байхдаа шээс хүрчихнэ гээд өглөө юм уухгүй гардаг байлаа. Хичээл тараад ангаж цангасан хүн гэртээ ирнэ. Одоо МУБИС тэргэнцэртэй оюутан бие засахад тохиромжтой ОО-той болсон байх л даа. Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцуулах тухай ярьдаг ч физиологийн асуудлыг нь мартчихдаг.

Уржнан жил АНУ-ЭСЯ руу орох гэж байхдаа хэцүүхэн байдалд орсон. Цүнхэнд маань байсан шилийг гаргаж ирээд “Энэ ямар учиртай юм бэ” гээд асуугаад байдаг. “Жорлонд орох боломжгүй үедээ хэрэглэдэг шил юм аа” гэж хэлсэн.

Аж ахуйн нэгжүүдийг налуу зам тавиач, тэргэнцэртэй хүнд зориулсан жорлонгийн өрөөтэй болооч гэж шаардахын оронд ашиг орлого олох боломжийн тухай хэлэх нь дээр болов уу.

Хөгжлийн бэрхшээлтэй жуулчид их аялдаг болсон. Ийм хүмүүст зориулсан дэд бүтэц бий болгох нь ирээдүйд ашиг орлогоо нэмэхэд тань тус болно.

Бид жил бүр гадаадаас хөгжлийн бэрхшээлтэй жуулчид авчирдаг. Нэг удаа бие засахтай холбоотой хүндхэн асуудал тохиолдсон. Японоос ирсэн жуулчид нар, тэнгэр, элс үзмээр байна гэсэн юм. Тэднийг Өмнөговь руу авч явсан. Замдаа хоёр тэргэнцэртэй охин “Бие засмаар байна” гэлээ. Өдөржингөө замд явсаны дараа зорьсон газраа ирэхэд нэг нь машинаас буудаггүй. “Сарын тэмдэг ирээд яаж ч чадсангүй” гэж надад хэлсэн юм. Тухайн үедээ асуудлыг зохицуулсан ч тэр залуус нутагтаа очоод, Монголын сайхан байгалийг шагширсан болов уу. Ямар хэцүү байснаа л дурсах байх даа.Жорлонгоо өөрчлөх асуудал бидний хувьд маш чухал шүү” гэсэн юм.

Нээлтийн арга хэмжээг хөтөлсөн сэтгүүлч Ц.Оюундарь, Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг Нутгийн шийдэл сангийн Удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Тэрбээр “Бидэнд тохиолддог бэршээлүүдийг тоочих бус шийдэх хэрэгтэй болжээ” гээд “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэлийг индэрт урьсан.

“Жорлонгоо өөрчилье” номонд юуг яаж өөрчлөх тухай зурагтай, тайлбарууд хийсэн гэж зохиогч номоо товчхон тайлбарлав. Хамгийн том нь хандлагын өөрчлөлт хэмээн онцоллоо.

Хүний ялгадсыг өтгөн, шингэнээр нь ялгадаг болох нь маш том өөрчлөлт ажээ. Өтгөн, шингэнийг салгах жорлонгийн технологийн тухай номдоо багтаажээ.

Энэ хэсэгт АНУ-ын мушгиа шахагчтай хуурай жорлон, үртэс рүү ялгадсаа унагаж, хутгадаг жорлон (Далайгаар аялах дуртай нэгэн америк усанд бохир оруулахгүйгээр бие засах аргыг бодсоор ийм жорлон бүтээсэн гэнэ) Монголын төмөр савтай хуурайшуулагч жорлон, Шинэ Зеландын иргэний гэртээ байгуулсан энгийн ширэгэн жорлон, Монголын био бордоо нийлүүлэгч жорлон (Сонгинохайрхан дахь био бордооны үйлдвэр)-ийн тухай өгүүлжээ.

“Өтгөн лагийн бизнес”-ийн тухай өгүүлдэг хэсэгт Угандагийн ажилгүй, орлогогүй нэгэн залуу ядуусын хорооллын жорлонгийн түүхий эдийг соруулах бизнес хийж, саятан болсон түүхийг оруулжээ. Түүний компани“Таны ариун цэвэр- бидний бизнес” уриатай ажилладаг.

Энэ хэсэгт мөн Тайландын өтгөн лаг соруулагч машин, АНУ-ын Аляскад бүтээсэн аюултай хог хаягдал саармагжуулагч, био нүүрс бүтээгч машин,

АУН, Сенегалд ажиллаж байгаа хүний ялгадаснаас цахилгаан, дулаан ялгаруулагч Омни процессорын тухай мэдээлжээ.

Соруулдаг жорлонгийн тухай жишээнүүд ч энэ номд бий.

Септик танк, төвлөрсөн системд холбогддог жорлонгийн тухай хэсэгт Энэтхэгт E-Toilet хэмээх хүний оролцоогүйгээр өөрийгөө цэвэрлэдэг, сүлжээ жорлон бий болж, дэлхийн ариун цэврийн байгууламжийн хамгийн өсөлттэй бизнесээр тодорч байгааг онцолжээ.

Бие даасан битүү тойрогтой жорлонгийн жишээнд Монголын тал нутгийн тансаг жорлон буюу Орхоны хөндийд франц хэлтэй жуулчид голцуу ирдэг Sweet Gobi жуулчны баазын гаднаас нь харахад асар майхан хэлбэртэй, дотроо цэвэрхэн тохилог, суултууртай монгол жорлонгийн тухай өгүүлсэн байна.Эднийх жил бүр гүний ус бохирдуулахгүйн тулд маш бага хэмжээтэй нүх ухаж, жорлонгоо байршуулаад, жуулчдын улирал дуусахад жорлонгоо буулгаж, хуурай үртэс бүхий бордоошиж буй ялгадсыг шороогоор хучиж орхидог байна. Дараагийн жил өөр газар нүх ухаж, гурав дахь жилдээ эхний булсан нүхийг дахиж нээдэг. Энэ үед хоёр жил хадгалсан үртэстэй ялгадас бордоошиж, хар хүрэн өнгийн шороо болсон байдаг ажээ. Номын нээлтэнд энд дурдагдсан DMD-гийн төлөөлөгч ирсэн байна лээ.

Номын энэ хэсгээс мөн АНУ-ын усны оронд хөөсөөр хөөж, бордоо гаргадаг жорлонгийн тухай унших боломжтой.

Септик танкны хэсгээс Тайландын нарны энергиэр халаагч нэг тоннын хэмжээтэй, дугуйтай зөөж болдог септик танкны тухай мэдэж авах боломжтой. Септик танк гэхээр манайхан хашаандаа булчихдаг ёмкостыг төсөөлдөг.

Харин эндээс Англид хэрэглэж байгаа зөөж болдог, хаймран, эвхэж ачаад аваад явж хэрэгтэй газраа байрлуулж болдог септик танкны тухай өгүүлжээ. Эвхээд ачихад портерын тал ачаа болох ажээ.

Цэвэрлэх байгууламжийн горим хэсэгт цэвэрлэх байгууламжийг хэрэглэгчдэд ойлгуулахаар оролдсон гэнэ. Цэвэрлэх байгууламжийг ойлгодог хэрэглэгчид түүнийг хорлодоггүй гэлээ. Цэвэрлэх байгууламжийн гол “ажилчид” ганц эстэй үй түмэн бактериуд агаад бидний хаясан бохирыг идэж устгаж биологийн цэвэрлэгээ хийдэг амьтад. Цэвэрлэх байгууламжийн агааржуулагчтай танканд амьдардаг эдгээр бичил биетүүд бохир усыг 95 хувьд хүртэл нь цэвэрлэдэг агаад үйдвэрийн гаралтай бохир хаягдал “Харгиа”-гаар дамжихгүй шууд ирэхэд тэдний олонхи нь эрсэддэг гэнэ лээ. Ашигтай бичил биетүүд олноороо устахыг төв цэвэрлэх байгууламжийнхан горим алдагдах гэж нэрлэдэг байна.

Төв цэвэрлэх байгууламжид бохир ус нийлүүлэгчдэд тавих хяналт байдаг ажээ. Энэ тухай гадаадын туршлагыг энэ номоос судлаарай.

Жорлонг хүнд болон байгальд ээлтэй болгон өөрчлөх хямд энгийн шийдлүүдийг ч энд тусгажээ.

Аяллаар явахдаа ил бие засах шаардлагагүй болжээ. Жижиг шовгор жорлонгийн майхан, суултуур авч явдаг юм байна.

Жорлон өөрчлөх ажлыг зохион байгуулах тухай хэсэгт Энэтхэгт Моди Ерөнхий сайд амжилттай манлайлсан бол, АНУ-д бие засах эрхийн тэмцлийг яг манайх шиг зах дээр зогсдог хүмүүсийн эдэлсэн зовлонгоос үүдээд Үйлдвэрчний эвлэлийн шахалтаар хууль боловсруулсан тухай уншаарай. Тэд “Бидэнд бие засах цаг гаргаж өг”, “Бидэнд жорлон хэрэгтэй” лоозон барьж тэмцэж байжээ. Англи, Америк, Австралид ийм тэмцэл өрнөж байсан бол АНУ Жорлонгийн хуультай ганц улс юм.

АНУ-д үйлдвэрчний эвлэлийнхэн жорлонгоо өөрчлөх ажлыг манлайлсан бол Монголд Сүхбаатар аймгийнхан удирдлагын манлайлал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэдийн оролцоотой шинэчлэл үлгэр жишээ болсон гэв.

“Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэлтэй цөөн хором ярилцав.

-Дэлхийн жорлонгийн өдрөөр жорлонгоо өөрчлөхийг хүсэгчид олуулаа болжээ. Энэ өөр өөр салбарын хүмүүс яаж нэгдэв?

-Дэлхийн жорлонгийн өдөр цоо шинэ хамт олон бүрдлээ. Жорлонгоо өөрчлөхийн төлөө ажиллаж байгаа байгууллагууд дор дороо, тус тусдаа жижиг жижиг хөтөлбөрийн хэмжээнд зүтгэх биш хамтдаа бие биеийнхээ дутууг нөхөх боломж бүрдлээ. Дэлхийн жорлонгийн өдрийг хамтдаа тэмдэглэх шийдвэрийг номын нээлтийн бэлтгэл ажлынхаа хүрээнд гаргасан. Номын нээлтэнд жорлонгийн чиглэлээр ажилладаг байгууллага, хүмүүсийг зочноор урья гэж бодож байсан чинь тэд бүр хамтран зохион байгуулагчаар оролцох, цаашдаа хамтран ажиллах түншүүд болж орж ирсэн. Бидний анхны төлөвлөгөө өөрчлөгдөж, хамтын тайлангийн арга хэмжээ боллоо. Дэлхийн зөн, Мобиком, Whash Action Mongolia ТББ, НҮБ-ын Хүн амын сан, Улаанбаатар ротари клуб зэрэг олон байгууллага энэ өдөр ариун цэврийн байгууламжийг сайжруулах талаар хийсэн ажлынхаа тайланг тавилаа.

-Та зөвхөн “Жорлонгоо өөрчилье” гээд ном бичээд орхисонгүй 21 аймагт сургалт хийнэ гэсэн. Яг юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Сургалтын гол агуулга нь номыг уншсан хүмүүст энэ номны дагуу хэд хэдэн дадлага ажил хийлгэж, юу анхаарах вэ гэдгийг зааж өгөх нь чухал байгаа юм. Түүнээс биш лекц уншаад байхгүй. Манай сургалт технологи сонгох, бизнес эрхлэхэд анхаарах зүйлс, орон нутагт зохион байгуулалтын төлөвлөгөө гаргах гэх мэт практик дадлага ажлуудтай. Түүнийгээ бүлгээрээ ажиллаж, сургалтын бүтэн өдрийн явцад бизнест хэрэгтэй мэдээллийг яаж гаргаж авах вэ, технологио сонгохдоо юу анхаарах дадлагын сургалт юм.

-Олон улсын байгууллагынхан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энд ирсэн байна л даа. Бизнес эрхлэгчид танд хандсан уу?

-Бизнес эрхлэгчид нээлтэнд оролцсон. Бизнес эрхлэгчид энэ сэдвийг их сонирхож байна. Яагаад гэвэл хөгжил гэдэг зөвхөн хотын дэд бүтцэд холбогдсон газарт төдийгүй улс орон даяар явагдана. Барилгажилт хаа сайгүй өрнөнө. Ийм үед жорлонгийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой учраас бизнесийнхэн маш их сонирхож байгаа.

Өнөөдрийн бас нэг сонирхолтой оролцогч нар бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах Түгээмэл хөгжил төвийнхөн. Энэ төвийнхөн Нутгийн шийдэл сантай эртнээс хамтарч ажилласан.

Бид орчны эрүүл ахуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл ахуй гээд янз бүрийн чиглэлээр хамтарч ажиллаж байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирох жорлон байхгүй тухай олж мэдсэн. Энэ байгууллагын идэвхтнүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй жорлон байгуулахад дуу хоолой болж хамтран ажиллах юм.

-Төрийн байгууллагуудын зүгээс энэ чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх болов уу?

-Төрийн байгууллагууд хуулиар үүрэг хүлээсэн. Аймаг нийслэл дүүрэг, сумын Засаг дарга нар, Иргэдийн хурлын төлөөлөгчид орон нутгийн хөрс бохирдуулагч жорлонг үе шаттайгаар бууруулах үүрэг Хог хаягдлын тухай хуулиар хүлээсэн. Энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь орон нутгийн манлайлагч нарыг юуны өмнө гарын авлагаар хангах хэрэгтэй. Тиймээс орон нутгийн иргэдийн хурлынхан, Засаг даргын тамгын газрынхан, орон нутагт улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хүсч байгаа идэвхтнүүд, мөрийн хөтөлбөртөө энэ ажлыг бодитойгоор оруулж хэрэгжүүлэхээр бодож байгаа залуус хэн бүхэнд энэ мэдээлэл нээлттэй. Орон нутагт ариун цэврийн бизнес эрхлэх гэж байгаа гарааны компанийнханд энэ ном маань гарын авлага болох нь гарцаагүй гэв.

“Жорлонгоо өөрчилье” ном 20 000 төгрөгийн үнэтэй агаад борлуулалтын орлогоор орон нутгийн сургалтуудаа санхүүжүүлж байгааг Ц.Оюундарь ярьж байна лээ.