Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Бат-Эрдэнэ: Өнөөгийн дэлхий ертөнцийн төрх, ирээдүйн хөгжлийн төлөв хандлага

МУИС-ийн захирал асан доктор Р.Бат-Эрдэнийн яриаг хүргэж байна. Тэрбээр томоохон think tank байгууллагуудын судалгаанд түшиглэн, дэлхийн хөгжлийн хандлага, үүнтэй холбоотойгоор ажил эрхлэлт хэрхэн өөрчлөгдөх, ийм өөрчлөлтийн үед хүүхдийг ямар чадварт сургах талаар ярьсан юм. Түүний яриаг тоймлон хүргэж байна.

Өнөөдөр бид эргэлтийн, хурдтай өөрчлөлтийн цаг үед амьдарч байна. Хүмүүсийн сэтгэл санаа ч хачин болж. Сүүлийн үед сургуулийн орчинд буудалцах явдал Америкт гарах нь бараг хэвийн үзэгдэл шахуу болсон. Нэлээд тайван Австралид хүртэл ийм юм гарч байна. Радио, телевизээр цацагдаж байгаа мэдээллийг харахад хүмүүс зэрлэгшээд байгаа юм уу гэж бодогдоно. Хүнлэг харилцаа алдагдаж, богино хугацаанд бушуухан шиг олон юмнаас зуурч, ашиглаж авъя гэсэн өрсөлдөөн хурцадсан. Түүндээ хүрэхийн тулд ямар ч арга хэрэглэхээс буцахаа байжээ. Үүнийгээ зөвтгөх нь олонтаа. Чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн хандлага монголчуудаас гадна дэлхий даяар байх шиг. Хүний ухааныг мөнгөөр хэмждэг болчихлоо шүү дээ. Чи ухаантай юм уу, тэгвэл мөнгө чинь хаана байгаа юм бэ гэдэг. Үүнийгээ үнэний туйл гэж ойлгодог бололтой. Технологи дэндүү хурдтайгаар дэвшиж, олон юмыг өөрчилж байна. Ийм эргэлтийн цаг үед боловсролын салбарт ажилладаг хүмүүс юу хийж байна вэ? Цалин авахын тулд өглөө ажилдаа ирээд, орой харьж байна уу. Эсвэл мэргэжлийнхээ үүднээс тав, арав, хорин жилийн дараа миний хүүхэд, миний хүүхэдтэй адил залуусыг энэ нийгэмд амьдрахад нь бэлтгэе гэсэн сэтгэлээр хандаж байна уу. Энэ талаар санаа аваг гэж доорх сэдвийг бэлтгэлээ. Ухаантай олон хүний хэлсэн ярьсаныг цуглуулсан юм шүү.

Энэ сэдвийг хоёр хэсэгт хувааж байгаа юм. Өнөөдөр дэлхий ертөнц ямархуу дүр төрхтэй байна вэ. Ойрын ирээдүйд хаашаа явж байна вэ. Хөгжлийн асуудлаар судалгаа хийдэг байгууллагууд яаж харж байна гэдгийг “будаа идсэн” юм. Энэ нь сургууль, боловсролын байгууллагын мөн чанартай уялдахаараа ямархуу үр нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Боловсрол гэдэг хүмүүс цаашдаа ажил хөдөлмөр эрхлэх чадвар суулгах бэлтгэх зорилготой. Үүнтэйгээ авцалдаж байгаа юм уу. Эдгээрийг холбож дээрх сэдвээр тоймлох гэж оролдлоо.

Дэлхийн эдийн засгийн форумын чиглэлээр хийсэн судалгааны ажлуудыг бас хүмүүс анхаарах нь хэрэгтэй болов уу.

Өнөөдрийн дэлхий ертөнц ямар байгааг базаж дүгнэлт хийсэн нийтлэлд анхаарал хандуулъя.

Дэлхийд таван чиглэлээр өөрчлөлт явж байна гэж энд үзжээ. Хамгийн нэгдүгээрт дэлхий даяар тэгш бус байдал өсч байгаа юм биш үү гэж дүгнэсэн. Дэлхий нийтийн том тоо баримт судалгаанд үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Баян болон өмч хөрөнгөгүй хүмүүсийн хоорондох зай томорч байна. Хамгийн баян найман хүний эзэмшиж байгаа баялаг 3,6 тэрбум хүний эзэмшиж байгаатай тэнцлээ. Дэлхийн нийт хүн амын талаас илүүгийнх нь арай хийж цуглуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний баялаг наймхан хүний гарт төвлөрсөн байна. 2015 оны байдлаар дэлхийн хүн амыг ядуугаас нь эхлээд баян хүртэл орлогоор нь хуваах юм бол хамгийн өндөр орлоготой нэг хувь нь бусад 99 хувьтайгаа тэнцүү хэмжээний баялагийг эзэмшиж байна гэсэн тоо баримт бий. Дэлхийн баялгийг атгагчид түүгээрээ дамжуулж, дээд хэмжээнд гарч байгаа шийдвэрүүд, хүчний байгууллагуудын хөдөлгөөнд нөлөөлөөд байна уу гэсэн асуудал хөнджээ.

Дэлхийн улс оруудын тэгш бус байдал харьцангуй багасч байна. Харин улс доторх баян ядуу, тэгш бус байдал улам бүр гүнзгийрч байна.

Улс болгон баячуудтай болсон. Тэд нь бусдаасаа тасарч байна. Яваандаа эрх мэдэл хөрөнгөтэй хүмүүсийн гарт төвлөрөх, тэдний эрхшээлд орох дүр төрх нийтлэг харагдаж байна.

Хоёрдугаарт технологийн дэвшил хүмүүсийн эрхэлж байгаа ажил хөдөлмөрийг маш ихээр өөрчилж байна.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурал гэж байгууллагын хийсэн судалгаагаар ойрын жилүүдэд хөгжиж байгаа улсуудад хүмүүсийн эрхэлж байгаа ажлын гуравны хоёрыг нь робот хийдэг болно. Хөгжиж байгаа орон гэхээр харьцангуй бага цалинтай ажлууд шүү дээ. Тэр ажлуудыг ойрын жилүүдэд робот авах нь ээ. Тэгэхээр энэ ажлыг хийж байсан хүмүүс ажилгүй болж, өөр шинэ төрлийн ажил эрхлэх юм. McКinsey-гийн саяхны судалгаа байна. Энэ байгууллага манайд төмөр замын ТЭЗҮ хийж өгсөн гэдгээрээ жаахан муу нэртэй. Гэхдээ хөгжлийн асуудлыг судалдаг хүчирхэг аналитик байгууллага, дэлхийн томоохон think tank байгууллагад багтдаг. McKinsey-гийн судалгаагаар өнөөдөр ажил эрхэлж байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийн 45 хувь нь ажилгүй буюу дутуу ажиллаж байна. Бүрэн ажиллаж чадахгүй байна. Тийм байхад мөнөөх ажлыг нь хүн биш робот булаах нөхцөл бий болж магадгүй.

2007 онд Petrochina, Exxon Mobil, Ceneral Electric, China Mobile, Bank of China дэлхийд тэргүүлж байсан. Гэтэл 2017 он гэхэд буюу арван жилийн дараа Apple, Alphabet, Microsoft, Facebook, Amazon зэрэг компаниуд дэлхийд тэргүүлэх болсон шүү дээ. Хөрөнгө технологийн компаниудад орж байна. Өнөөдөр үнэлгээ нь өсч байгаа компаниуд технологийнх байна. Цаашдаа тэд зах зээлд ноёлох төлөвтэй.

Өмнө нь дэлхийн таван том компани 1,3 сая хүнийг ажиллуулж, цалин олгож байсан бол одоогийн тэргүүлж буй технологийн таван компани 718 мянган хүн ажиллуулж байна. Бараг хоёр дахин бага хүн ажиллуулж байгаа ч өмнөх таваас хамаагүй их хөрөнгө цуглуулсан.

Гурав дахь том хөдөлгөөн хөрөнгөлөг орнууд өөрсдийгөө хамгаалж эхэллээ. Нээлттэй, хамтардаг байдлаасаа буцаад өөрийнхөө эрх ашгийг тэргүүлэх байр сууринд тавих хандлагаа ил тод зарлах боллоо. G20–ын орнууд хүртэл өөрийгөө тусгаарлаж, хамгаалах бодлого явуулж эхэллээ. АНУ-г энд дурдаж болно. Европын холбоо гэж тивийн хэмжээний хамтлаг үүсч байсан. Тэндээс Англи гарчихаж байна. Дараагийн орнууд ч холбооноос гарах асуудал яригдсаар. Өнөөдөр Трамп ах АНУ-ын зах зээлийг бага хөлсөөр мөлжигч Хятад, бусад зах зээлээс бүрэн тусгаарлаж, хана барих тухай хүртэл ярьж байна. Их 20-ын орнуудын 2009 оноос хойш гаргасан шийдвэрүүдийг харахад хамтын ажиллагааг дэмжсэн шийдвэрүүдээс илүү өөрийн зах зээлийг хамгаалсан шийдвэр хоёр дахин их байгаа биз.

Дөрөв дэх том асуудал шилжилт хөдөлгөөн, дүрвэлт.

Үүний гол шалтгаан дайн байлдаан, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал. Дүрвэгчид өөрсдийн эх орон дахь зовлонг харьцангуй тогтвортой байсан улс оронд халдааж байна. Ялангуяа Африк, Дундад Ази, Ойрхи Дорнодоос дүрвэж байгаа хүмүүс. Том хэмжээний шилжилт хөдөлгөөнүүд улс орнуудын тогтвортой байдалд нөлөөлж эхэллээ. Ийм үед сөрөг хандлага, гадуурхах, фашист маягийн бүлэглэлүүдийн нөлөө сэргэх төлөв ажиглагдаж байна.

Тав дахь нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл сошиал медиа. Үнэний дараах ертөнц гэж ярьж байна. Дэлхийн хүн амын 51 хувь нь онлайнд нэвтэрч, нийгмийн сүлжээнээс мэдээлэл авч байна. Нийгмийн сүлжээнд мэдээлэл маш хурдан түгж, хүмүүсийн сэтгэл санаа, үйл хөдлөл, харилцаанд нөлөөлөх хүчин зүйл болж хувирчээ. АНУ-д 2016 онд болсон сонгуулийн үеэрх фэйсбүүкийн мэдээллийн урсгалыг энэ графикт харуулсан байна. Харьцангуй шалгагдсан, үнэн бодитой мэдээлэл сонгуулийн хугацаанд буурч, гүтгэлэг, зохиомол мэдээлэл өссөн. Энэ нь сонгогчдын сонголтонд шууд нөлөөлсөн гэхэд хэцүү. Гэхдээ нөлөөлөөгүй гэж бас хэлж чадахгүй. Ийм нөлөөн доор бид байна. Өнөөдрийн бидний амьдарч байгаа орчин иймэрхүү байна.

Сэтгэл хөдлөлд авталгүйгээр бодит судалгаа хийдэг байгууллагууд бий. Тэдний нэг нь Австралид байрлаж, хатан хааны ивээлд байдаг орнуудын хөгжлийн асуудалд төвлөрч судалгаа хийдэг think tank байгууллага болох CSIRO. Дэлхийд томоохонд тооцогддог think tank байгууллагуудаас дэлхий ертөнц хаашаа явж, ямархуу байдалд хүрэх талаар судалгаа хийдэг. Энэ байгууллага 2016 онд гаргасан тайлангаа ийм хэдэн мегатренд харагдаж байна хэмээн тодорхойлсон. Мегатренд гэдэг нь улс орны хил хязгаарт харьяалагдахгүйгээр дэлхий нийтээр өрнөх өөрчлөлтийн төлөв байдал юм. Энд хүмүүс бид хэрэглээгээ дэндүү их нэмэгдүүлснийг онцолжээ. Манай дэлхийн нөөц шавхагдаж байна. Байгалийн баялагаас гадна эрчим хүч, ус, хоол хүнс, хүрээлэн байгаа орчинтой холбоотой өөрчлөлтүүд явагдана. Байгалийн төрөл зүйлүүд устаж үгүй болох, цөөрөх, шинэ мутациуд үүснэ.

Өмнөх дүгнэлтэнд улс орнууд өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан маягаар тусгаарлаад байна гэсэн бол энд хүссэн хүсээгүй эдийн засгийн хамтын ажиллагаа, солилцоо улам бүр өсөн нэмэгдэнэ. Санаачилга гаргаж байгаа хэсэг нь өөрийн коридор, сувгуудыг үүсгэх нь. (Жишээлбэл манай урд хөрш байна). Үүний үр дүнд баруунаас зүүн, хойноос урагшаа чиглэсэн бараа үйлчилгээ, солилцоо эрчимжих төлөвтэйг тэмдэглэжээ.

Нэг сонирхолтой хандлага бол дэлхийн хүн ам насжиж байна. Энэ бол бүхэлдээ муу гэсэн үг биш. Амьдралыг таньж мэдсэн, туршлагатай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэх нь. Ер нь том хөдөлгөөн, хөгжлийн хандлагыг ямар нэг байдлаар тооцох, энд байгаа боломжуудыг аль болох ашиглах эрмэлзлээр алсыг харж, ирээдүйгээ төлөвлөх нь нэмэгдэж байгаа бололтой юм.

Энд Hay Group гээд өөр нэг tnink tank байна. Тэд Жон Нэйсбит гэж хүний аргачлалд үндэслэж ажилладаг. Энэ хүний “Мегатрендс” гэж ном монгол хэлээр орчуулагдсан. 1982 онд энэ номоо анх хэвлүүлжээ. Ирээдүй судлал гэж ярьдаг. Энэ бол мэрэг төлөг, зөн совин биш л дээ. Технологийн дэвшил, хүмүүс хоорондын харилцаа, улс орнуудын хөгжлийн түүх, боломж дээрээс анализ хийж, ирээдүйг таамагладаг. Үүнийг анх гаргаж ирсэн хүн бол Жон Нэйсбит. Энэ хүний аргачлалд үндэслэж, Ирээдүй судлалын олон улсын нийгэмлэг үүссэн. Тэрний салбар нь Монголд байгуулагдсан юм. IQ Ц.Дэмбэрэл ирээдүй судлалыг Монголд оруулж ирсэн нь монголчуудад хүргэсэн том тус гэж боддог. Ирээдүй судлалын нийгэмлэгийн шугамаар олон судалгааны материалыг орчуулж, монголчуудад хүргэж байгаа хүн дээ. Энэ шугамаар Жон Нэйсбитийн ном орчуулагдсан шүү. Дээрх аргачлалаар 2030 он хүртэл дэлхийд юу болох талаар судалж, илтгэл гаргадаг багийн тайлан юм. Дүгнэлт нь бас л дээр ярьсантай төстэй. Яагаад олон судалгаа тайлангаас иш татаад байна гэхээр газар газрын хөгжлийн асуудал, ирээдүйг таамаглаж төсөөлж байгаа хүмүүсийн дүгнэлтүүд хоорондоо хэр нийлж салж байгааг анзаараасай гэсэн юм.

-Энд глобальчлалыг онцолжээ. Хөгжил Европ, Хойд Америкаас илүү өмнө зүг рүүгээ төвлөрч байна. 2050 он гэхэд дэлхийн хамгийн том эдийн засаг Хятад болно. Дараагийн том эдийн засаг нь Энэтхэг гэсэн байна лээ. Америк дөнгөж гуравдугаарт орж ирж байгаа. Индонез, Бразил, Орос байна. Хамгийн том эдийн засаг гэхээр Америкаас бусад нь Азид байна.

Бидний эргэн тойронд дэлхийн бүх баялаг хуримтлагдах гэж байна шүү дээ.

Уг нь бид асар хурдтай томорч байгаа зах зээлийн дэргэд байгаа. Дэлхийн бусад өнцөг буланд байгаа улсуудын мөрөөдлийн байрлалд бид байна. Үүнийг ашиглаж чадахгүй бол “хохь нь” гэхээс биш яах вэ.

-Байгаль орчны асуудал хямрал руу явж байна шүү гэдгийг тэд бас сануулж байна.

-Хөдөлмөр эрхлэлтийн байдал үндсээрээ өөрчлөгдөх гэж байгаа юм биш үү. Олон ажилтантай, том нүсэр байгууллагууд цаашдаа байх юм уу, үгүй юу. Хүмүүс хувиараа хөдөлмөр эрхэлдэг болох юм шиг байна шүү.

-Хүн ам насжиж байна. Өндөр настай хүмүүсийн хувь хэмжээ нэмэгдэнэ. Төрөлт буурахаар хөгжлийг тэтгэх авьяастнуудын эх булаг хумигдаж эхлэнэ. Авьяастай хүмүүсийн төлөөх өрсөлдөөн ширүүснэ.

-Технологи, дижиталчлалаас гадна хоорондоо нэгдэх, урьд хожид төсөөлж байгаагүй шийдлүүд гарч эхэлнэ. Нано технологи, биотехнологи, мэдээллийн технологи, танин мэдэхүйн шинжлэх ухаанд дэвшил гарч, хүнийг хиймэл хүнээс ялгах аргагүй болно. Энэ тохиолдолд хүний өрсөлдөгч хэн байх юм. Амьдрал юуны төлөө байх вэ гэдэг асуултыг хүмүүсийн өмнө тавих нь. Өнөөдөр сургууль, гэр бүл юу хийх вэ. Төр засаг Оюутолгойн татварыг л ярьж суух уу? Эсвэл 2025-2030 онд Монгол ямар улс байхыг ярьж суух ёстой юм уу? Өнөөдөр тэд юу ярьж байна вэ?

Энд Sitra гэж Финляндын бас нэг tnink tank байгууллага байна.Энэ бол жил болгон мегатрендийн тайлан гаргадаг байгууллага. Дэлхийд болж байгаа үйл явдлыг 2016 оны байдлаар гурван гол трэнд байна гэж тоймлосон байна лээ. Энэ бас өмнөхтэй төстэй.

Эхнийх нь технологи бүхнийг өөрчилж байна гэжээ. Дижиталчлал, хиймэл оюун ухаан анагаах ухааны салбарт орж ирсэн. Робот мэс засал хийж байна шүү дээ. Эрчим хүчний технологи, блокчейн, дэлхийг хамарсан мэдээллийн технологийн дэд бүтэц байна. Саяхан болтол хүмүүс ажлаа хөнгөвчлөхийн тулд робот хийдэг байсан. Юуг роботоор хийлгэж болмоор байна гэдэг байсан бол өнөөдөр роботоор юу хийлгэж болох, юуг болохгүй гэсэн асуудлыг шийдэх хэрэгтэй болжээ. Үндсэндээ роботын хийж чадахгүй юм гэж байхгүй. Хүн өөрийгөө хамгаалахын тулд хаана хязгаарлалт тавих вэ гэдэг асуудал тавигдах боллоо. Технологи, уур амьсгал, хүмүүс хоорондын харилцаа ёс зүй, хүмүүсийн мөн чанарт өөрчлөлт орж байгаа юм биш үү?

Ажил хөдөлмөр эрхлэнэ гэж юу юм бэ? Өглөө найман цагт ирээд орой 18 цагт тарахын нэр юм уу? Хүн яаж амиа зогоох вэ, юунаас орлого олох вэ? Хүмүүс хооронд үүсээд байгаа тэгш бус байдал үргэлжлэх үү, яаж зогсоох вэ гэдэг асуултуудад хариу өгөх цаг ирчихжээ. Хамгийн гол нь энд яригдаж байгаа бүх зүйлс хүмүүсийн хувь заяанд нөлөөлөх учраас ирээдүйтэй холбоотой шийдвэр гаргахдаа хүн болгоны дуу хоолойг сонсох нөхцөл, механизм бий болгохоос аргагүй. Бусад олон мянган хүний хувь заяаг хэдхэн хүн шийддэг байдлыг өөрчлөх ёстой гэлээ. Төлөөллийн ардчилал асуудалд орж байна шүү.

Бид хөгжлийг эдийн засгийн өсөлтөөр хэмждэг. Гэтэл амьдралын чанар гол үзүүлэлт болсон. Carl Benedikt Frey хэмээх Охсфордын их сургуулийн судлаач 1950 онд анх компьютер бий болсон бол жараад жилийн дараа өнөөдөр жолоочгүй машин явж байна хэмээн онцолжээ. Mike Moradi- Тэнгэр баганадсан барилгуудыг ирээдүйд микро организмууд, бактериуд барина хэмээжээ. Энэ бүх өөрчлөлт, технологийн дэвшил Монголд орж иртэл би “нүд аньчих” юм байна гэж ойлгож болохгүй. “Дэлхийн шилдэг групп Дэнцүгийн хиймэл оюун ухааны компани Улаанбаатарт 400 инженер ажиллуулна” гэсэн мэдээллийг саяхан та бүхэн уншсан байх. “Ай түүлс” компанийнхан Монголд дата төвийн бизнес хөгжих ирээдүйн тухай ярьж байгаа бол Лэнд.мн-ий Ч.Анар “Филиппин, Индонезэд хиймэл оюун ашиглаж шинэ үеийн банкны үйлчилгээ нэвтрүүлэх” тухай ярьж байна.

Ажил & карьерийн өөрчлөлт

Урьд нь хүн их сургууль төгсчихөөд, насаараа нэг албан байгууллагатай амьдралаа холбодог байсан бол өдгөө тийм биш болсон.

-Их Британид хүн амьдралынхаа туршид 13 ажил сольж байгаа бол

-АНУ-д хүн амьдралынхаа турш 10.6 ажил сольж, дөрвөн мэргэжил эзэмших боллоо.

Япончууд өмнө нь “Тогтвортой ажил эрхлэлтийн бодлого” ярьж байсан бол өдгөө “урсамтгай ажил” (labor fluidity) болгох тухай онцолж байна. (Абеномикс) Станфордын их сургуулийн Paul Kim XXI зуунд бичиг үсэггүй хүн гэж дахин шинээр сурч чаддаггүй хүнийг хэлнэ гэжээ. Өнөөдөр бага ангид сурч байгаа хүүхэд төгсөхдөө өдгөө байхгүй байгаа цоо шинэ мэргэжил эзэмших болно. Ийнхүү өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд хүүхдэд ямар чадвар эзэмшүүлэх учиртай вэ?

Хүүхдийг бүтээлч байлгаж, сониуч, айж эмээлгүйгээр асуудаг хандлагыг өөгшүүлэх учиртай.

2-5 насандаа хүүхэд дунджаар 40 000 асуулт тавьдаг байна.

Global Human Capital Report (WEF, 2017)–д өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд хүүхэд дараах чадвар эзэмшүүлэх талаар онцолсон.

-Санаачилгатай байх,

-Амаар болон бичгээр өөрийгөө зөв илэрхийлдэг байх.

-Сониуч зантай байх,

-төсөөлөх чадвартай байх зэргийг онцолжээ.

Лондоны эдийн засгийн сургуулийн захирал Minouche Shafik “Олон дахин давтагддаг ажлыг хүн хийхээ болино” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумын үеэр хэлжээ.

2027 он гэхэд робот багш нар багшлах болно гэж Английн боловсролын эксперт Anthony Seldon хэлсэн байна. Робот багш ажил хаяхгүй, хүүхдийг ялгаварлахгүй, хүүхэд бүрийн онцлогт тохируулж ажиллаж чадна. Гэтэл хүүхэд нэг бүрт хандах боломж хүнд байхгүй шүү дээ.

Ирээдүйн ажил хөдөлмөр бол “хөдөлгөөнт бай” гэсэн үг.

Их сургуулийн үүрэг:

-оюутнаа нийгмийн олон төрлийн өөрчлөлт, сорилт шаардлагад хариу өгөх чадвартай болгон бэлтгэх,

-нийт иргэд байнгын суралцагч байж мэдлэг, ур чадвараа үргэлж шинэчлэн ахиулж, сайжруулахад үйлчлэх юм.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гэсэн баримт бичгийг та бүхэн харж байна. Энд болж өгвөл хүний хөгжлийн үзүүлэлт байвал зүгээр. Монгол Улс яг хаана очих гэж байгааг эндээс олж уншихад бэрх хэмээн илтгэгч хэллээ. Тэрбээр энэхүү яриагаа төгсгөж Robin Sharma –гийн “Өөрчлөлт хийхэд эхэндээ хүнд, дунд үедээ холион бантан, төгсгөлд нь бахархалтай” гэснийг иш татсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шунхлайн хамт олон, НҮБ-ын шинжээч, АХБ-ны төслийн баг оролцсон “Жорлонгоо өөрчилье” сургалт Хан-Уулд боллоо

Монгол Улсын хүн амын 72 хувь нь нүхэн жорлонтой. Гэр хорооллын арван өрх тутмын найм нь жорлонгоо солих сонирхолтой байдаг гэсэн судалгааны дүнг “Жорлонгоо өөрчилье” сургалтын сургагч багш, “Нутгийн шийдэл” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цолмонбаяр танилцуулсан юм. Орон сууцанд амьдардаг хүмүүс жорлонгийн асуудалгүй гэсэн үг биш. Орон сууцны оршин суугчдын ялгадас ч бас том жорлон буюу хотын төв цэвэрлэх байгууламжид очдог. Хөрс, усны бохирдол иргэн бүрт хамаатай асуудал болж хувираад буй. “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн, “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр том, дунд, бага жорлонгийн тухай ярьдаг. Том жорлон гэдэг нь хотын цэвэрлэх байгууламж, дунд жорлон гэдэг нь байгууллага, гудамж, хороо, хөршүүдийн дундын жорлонгийн хувилбар болох септик танк (манайхан хашаандаа ёмкост булах маягаар септик танкийг орлуулдаг), жижиг жорлон буюу гэр хорооллын өрхийн нүхэн жорлонгийн асуудлыг хөнддөг юм. Тэрбээр “Жорлонгоо өөрчилье” номдоо жорлонгийн 17 технологийг багтаасан ажээ.

Өтгөн, шингэнийг салгадаг жорлон гэхэд л бордоо үйлдвэрлэх зориулалттай. Өрхийн хэмжээнд хар шороо “үйлдвэрлэж”, хашаандаа тарьсан ногоо, мод зүлгээ бордох боломж бий.

Урд хөршийнхөн маань энэ талаар арвин туршлагатай улс. Сургалтын үеэр цухас дурдаад өнгөрдөг ч “Жорлонгоо өөрчилье” номоос энэ талаар дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

БОРДООШУУЛАГЧ ЖОРЛОНГ СОНГОХЫН ТУЛД ОЛОН АСУУДЛЫГ БОДОЛЦОХ УЧИРТАЙ

“Хорьдугаар зууны төгсгөлд олон улсын байгаль хамгаалах байгууллагуудаас дэлхийд цөлжит үүсгэж буй шалтгаануудыг жагсаасан тайлан гаргажээ. Уг жагсаалтаар газрын хөрсийг үхжүүлэгч нэгдүгээр шалтгаан нь хөдөө аж ахуй гэсэн дүн гарч, сонссон хүмүүсийг цочирдуулжээ. Энэ талаар дэлхийн хэвлэлүүд 2000 оноос шуугисан юм. Хариулт нь химийн бордоо байв. Химийн бордоог ихээр хэрэглэдэг газарт хөрсний байгалийн шим алдагдаж, “сарны гадаргуу” мэт болсон тохиолдол олон ажээ. Үүний үр дүнд химийн ганц элемент ноёрхсон бордооноос олон элементийн тэнцвэр хангагдсан байгалийн буюу биологийн бордоо хөрсөнд илүү тустайг тогтоожээ. Энэ нь хөдөө аж ахуйд био бордооны цаг үеийг авчирсан байна. Өдгөө био бордоог халуун оронд ихээр үйлдвэрлэж байна. Жорлонгийн агуулга, малын өтөг бууц, хоолны үлдэгдэл бүгд био бордоо болно. Бордоо үйлдвэрлэгч бизнесийнхэн бордоо үйлдвэрлэхэд тохиромжтой жорлонг үйлчлүүлэгч нартаа санал болгодог.

Сиатл хотын бордооны үйлдвэр гэхэд хотынхоо хүнсний хаягдал, ногооны талбай, модны хатсан навч, малын өтөг бууц, био жорлонгийн агуулгыг цуглуулж, био бордоо үйлдвэрлэдэг. Хотоо цэвэр байлгахад зарцуулж буй тэдний хувь нэмрийг үнэлж, хотоос татаас өгнө.

Харин Монголд өвлийн улиралд ялгадас ялзмагжих боломж муутай учраас био бордооны үйлдвэрлэл хараахан хөгжөөгүй байна. Цаг уурын бэрхшээлийг сөрөн WashAction Mongolia хэмээх байгууллагынхан эко жорлонгийн загвар гаргаж, Сонгинохайрхан дүүргийн 300 айлд суурилуулан, өтгөн ялгадсыг суллах үйлчилгээ үзүүлж, цугларсан лагийг ялзмагжуулах, бордоо үйлдвэрлэх ажлыг Сонгионо хайрхан дахь био бордооны үйлдвэрт эхлүүлсэн жишиг бий. Өвлийн улиралд ялзмагжилт маш удаан хэрнээ явагдсаар байдаг. Гэсэн ч Монголын зах зээлд био бордоог бага хэрэглэж байгаа, цаг агаарын нөхцөл тохиромжгүй зэргээс шалтгаалаад энэ төсөл ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм хэмээн “Жорлонгоо өөрчилье” номд өгүүлжээ.

“Жорлонгоо өөрчилье” сургалтанд оролцогчид жорлонгийн технологи сонгох дадлага хийдэг. Ногоо тарьдаг иргэд бордоошуулагч жорлонг таашаадаг юм. Үнэндээ бордоошуулагч жорлонгийн өтгөн, шингэний сав дүүрэхээр султгах үйлчилгээ шаардлагатай. Султгахын тулд жорлонгийн түүхий эдээр бордоо хийдэг үйлдвэр байх учиртай. Үйлдвэрлэл явуулахын тулд түүхий эд хангалттай байх шаардлагатай. Нэг өрх бус гудамж, хот, дүүргээрээ өтгөн, шингэнийг ялгадаг жорлонтой байх учиртай болно. Бас Монгол өвөлдөө хүйтэн учраас ялгадсыг ялзмагжуулахад шаардлагатай дулаан нөхцөл хэрэгтэй. Дэлхий даяар жорлонгийн технологи эрчимтэй хөгжиж байгаа энэ үед хүйтэн нөхцөлд ч бордооны үйлдвэр ажиллах боломжтой болох ирээдүй холгүй биз ээ. Нэгэнт бордоо үйлдвэрлэж эхлэхэд монголчууд био бордоонд “За” гэх хандлагын өөрчлөлт өнөөдөр ч бүрэлдэж буй.

Монголд тохиромжтой бусад жорлонгийн тухай ч “Жорлонгоо өөрчилье” сургалтаар ярьдаг. Нийтээрээ жорлонгоо өөрчлөхийн тулд хууль эрх зүйн орчин бий болгох, жорлонгийн стандартаа шинэчлэх, жорлон бизнес болох нөхцөл бүрдүүлэх, хөршүүд, баг хороо, гудамж, сум, дүүрэг хотоороо нэгдэж шийдвэр гаргах зэрэг олон ажил хийх шаардлагатайг мэдэрцгээдэг билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Р.ЭРДЭНЭБҮРЭН СУРГАЛТЫН ҮЕЭР ОД БОЛДОГ

Жорлонгийн хувьсгал хийхэд иргэдийн хандлага, сэтгэлгээний өөрчлөлт хамгийн чухал гэдгийг УИХ-ын гишүүн байсан Р.Эрдэнэбүрэнгийн ярианаас сургалтанд оролцогчид мэдэрдэг. Тэрбээр 2014 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн даргаар сонгогдож, сумаа шинэчлэх хөдөлгөөн өрнүүлсэн агаад одоо ч энэ шинэчлэл үргэлжилж буй.

Гурвансайхан 2900 хүнтэй, төвдөө 300-400 өрхтэй говийн жирийн нэг сум. Өдгөө тэднийг зорьж, сумаа хэрхэн шинэчилсэн талаар туршлага судлахаар зочлогчид олширсон. Иргэдийн оролцоотой шинэчлэлийн загвар болсон юм, тэд.

Эхэндээ Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй залуус Гурвансайхан сумандаа ирж “Сумаа шинэчилье” хэмээн ярихад ойшоосон нь цөөн. Сумын Соёлын төвд гурав дөрвөн хүн ирж, экс УИХ-ын гишүүний яриаг сонсчээ. Сонссон гэхэд бас хэцүү. Нэг нь босоод Америк, Хятадын харилцааны талаар баахан “буржээ”. Одоо бол энэ суманд “Оффшорчдыг цаазалья” гэх мэт моодны сэдвээр цэц булаацалддаг хүн үгүй. Хийх ажил, зорилго нь тодорхой болоход нам ярьдаг хүн ч байхгүй болсон гэнэ. “Сумын шинэчлэлийн ажлын маань 70 хувь нь сумынхаа бүх хүний саналыг авч, сумын ерөнхий төлөвлөгөөг гаргах байлаа. Дараа нь бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд хийж болдог юм билээ” гэж Р.Эрдэнэбүрэн хэлсэн. Сумын шинэчлэл хийхдээ иргэн бүрийг оролцуулах гэж хичээсэн нь учиртай.

Өмнө нь тэр Дундговийн зүүн хэдэн суманд “Сумын төвийн гэрэлтүүлэг хийх төсөл” хэрэгжүүлсэн юм байж. ТИКА-гийн санхүүжилтээр зургаан сум, аймгийн төвийг гэрэлтүүлэгтэй болгоод алга ташилт горьдсон ч талаар болжээ.

Сарын 50-60 мянган төгрөг гэрэлтүүлэгт зараад байна гээд сумын удирдлагууд мөнөөх гэрлийг нь унтраачихжээ. Дахиад сар өнгөрөхөд ажилладаггүй гэрлийн шонг зарим нь дэлгүүрийнхээ гадаа авчирсан хэрэг ч мандав. “Өөрөө шууд гэрэл аваачиж асаасан нь буруу болжээ. Хүмүүсийн хандлага сэтгэлгээг өөрчлөхийн тулд маш их ярих хэрэгтэй юм байна гэсэн бодолтой үлдсэн” хэмээн Р.Эрдэнэбүрэн тайлбарласан. Гурван сарын турш амралтын өдөр нутгаа зорьж, сумаа ингэж шинэчилнэ гэж ярьж, хаагуур зам тавих, цэвэрлэх байгууламж, шугам хоолой хаагуур явах, хэний хашаа газарт орох, хаана зүлэг тарих гэх мэтээр төлөвлөлтөө иргэн бүртэй зөвшилцөж чаджээ. Сумын шинэчлэлд дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай байв. Сумандаа хөрөнгө оруулагчдын чуулган хийж, шаардлагатай мөнгөө босгож чадсан агаад 400 сая төгрөгийг сумын иргэдээсээ бүрдүүлсэн нь хамгийн чухал амжилт байв. Мөнгөө гаргасан иргэд нутгийн захиргаа болон үйлчилгээ үзүүлсэн компаниудад хяналт тавьж, шаардаж чаддаг.

Энэ ярианы дараа сургалтанд оролцогчид удтал алга ташиж Р.Эрдэнэбүрэнд, сумаа шинэчилж чадсан Гурвансайхан сумын иргэдэд баяр хүргэсэн билээ.

НҮБ-ЫН ШИНЖЭЭЧ ЛЕО ХЕЛЛЕР: ЖОРЛОН ҮНЭТЭЙ БОЛ ХҮН БОЛГОН ХЭРЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ

“Жорлонгоо өөрчилье” сургалт долоо хоногийн эхээр Хан-Уул дүүрэгт болсон юм. Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл сан”-гаас зохиодог “Жорлонгоо өөрчилье” сургалт энэ удаа “Шунхлай” компанийн захиалгаар хийгдсэн учраас сургалтын танхимд тус компанийнхан олонхи болов. Тэдэн дээр Азийн хөгжлийн банкны Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийнхөн багаараа нэмэгдсэн. Бас сургалт болох гэж байгаа тухай сошиалаар мэдсэн иргэд ирсэн байлаа. Сургалтын төгсгөлд хүндэт зочин хүрэлцэн ирсэн юм. Монголд дөнгөж хөл тавьсан НҮБ-ын хүний эрх ба аюулгүй ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч Лео Хеллер “Жорлонгоо өөрчилье” сургалттай танилцахаар зорьж ирлээ.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын урилгаар дөрөвдүгээр сарын 9-20-ны хооронд Монголд ажиллаж байгаа юм. Хүндэт зочинд “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл сургалтынхаа тухай танилцуулсан.

Тусгай илтгэгч Лео Хеллер сургалтанд оролцсон хоёр хүнд асуулт тавьж, “шалгалт” авч амжив. Тэрбээр эмэгтэй оролцогчоос “Жорлон эмэгтэйчүүдийн хувьд илүү чухал байдаг. Хувийн нууц, нэр төртэй холбоотой асуудал байдаг. Жорлон ямар байвал эмэгтэй хүний нэр төрийг хамгаалах вэ” гэсэн юм.

Харин өөр нэг эрэгтэй оролцогчоос “Жорлонгоо байгуулахдаа хөрсний бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ” хэмээн лавласан. Асуултанд хариулсан хоёрыг “Зөв хариуллаа” хэмээн магтлаа.

Лео Хеллер сургалтанд оролцогчдод хандан хэлэхдээ “Ариун цэврийн байгууламж буюу жорлон гэрээс холгүй, хүн болгонд хүртээмжтэй байх учиртай. Хүн болгонд гэдэг маань хүүхэд багачууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, настай хүмүүст хүртээмжтэй, ээлтэй байх тухай ярьж байгаа юм шүү. Мэдээж ариун цэврийн хувьд зүй зохистой байх учиртай. Үндэстэн ястны зан заншил, соёлыг дэмжсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь үнэ хямд байх учиртай. Жорлон үнэтэй бол хүн болгон хэрэглэж чадахгүй. Энэ бол хүн байх эрхээ хэрэгжүүлэх, физиологийнхоо хэрэгцээг хангахад чухал. Сэтгэлийнхээ дуудлагаар энэ сургалтанд оролцож байгаа та бүхэн зохистой ариун цэврийн байгууламжийг дэмжигчид, шинэ санааг түгээгчид болж байна. Амжилт хүсч, баяр хүргэе” гэсэн юм.

“Нутгийн шийдэл” сангийн 28 дахь сургалт энэ байлаа. Нийслэлийн бүх дүүрэгт “Жорлонгоо өөрчилье” сургалт болсон бол “Жорлонгоо өөрчилье” багийнхан өдгөө баруун аймагт ажиллаж буй.

“Шунхлай” компанийн байгаль орчин, галын аюулгүй байдал хариуцсан инженер Г.Солонго ярихдаа “Шунхлай компани 21 аймагт салбартай. Бүх шатахуун түгээх станцад жорлон байдаг. Бид жорлонгоо байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөхөөр Улаанбаатарын салбаруудаас эхэлж байгаа. Жорлонгоо өөрчилье сургалтанд хамт олноороо хамрагдаж байна” гэсэн.

АХБ-НЫ ЗӨВЛӨХ Ц.ЦЭНДЖАВ: ЗОРИЛГО НЭГТЭЙ ХҮМҮҮС НЭГДЭЖ БАЙЖ Л АМЖИЛТАНД ХҮРНЭ

Уг сургалтын оролцогчдын нэг АХБ-ны Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн зөвлөх Ц.Цэнджавтай ярилцлаа.


-Азийн Хөгжлийн банк сайжруулсан жорлонд анхаарч байгаа гэсэн үг үү?

-АХБ гэр хорооллыг сайжруулах, нийслэл болон бусад газрын агаар, хөрсний усны бохирдлын эсрэг нэлээд олон ажлыг санхүүжүүлж байгаа. Тэрний нэг нь манай төсөл. Манай төсөл 2016 оноос эхэлсэн. Нүхэн жорлонг сайжруулах замаар хөрсний бохирдлыг арилгах чиглэлээр энэ төсөл 2020 он хүртэл үргэлжлэх юм. Мэдээллийг зөв өгөөд, хандлагыг зөв хэвшүүлж чадвал манай иргэд хамгийн хүчтэй. Түүнээс биш нэг хэсэг хүн, төр засаг дангаараа ажиллаад, иргэдийн оролцоогүй бол болохгүй гэж харагдаад байгаа юм.

-Нэг хэсэг олон улсын байгууллагууд мөнгөөр “зодож”, том төслүүд хэрэгжүүлж байсан. Гэхдээ зөвхөн мөнгөөр асуудлыг шийдэх учир дутагдалтай байсан?

-Нэг хэсэг гадны зээл тусламж, буцалтгүй тусламж гээд хөрөнгө хаясан, төсөл дуусахад ажил зогсдог. Өнөөдрийн сургалтын ач холбогдол бол иргэдийн оролцоог хангахад чиглэгдэж байна. Манайх ч гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төсөл. Иргэдийн оролцоонд тулгуурлахыг эрмэлзэж байна. Их бага хэмжээгээр мөнгө гаргасан иргэд энэ ажилдаа хяналт тавиад оролцоод явах юм. Гурвансайхны жишээ түрүүн дурдагдсан. Төсөл дууссан ч энэ хүмүүсээс бусад нь жишээ авах юм. Жорлондоо хөрөнгө оруулна гэдэг эрүүл мэнддээ хөрөнгө оруулж байгаа хэрэг гэдгийг өнөөдрийн сургалтаар ч онцолж байна шүү дээ.

-Та бүхэн энэ талаар маш их судалгаа хийсэн, мэдлэгтэй хүмүүс шүү дээ. Чухам яагаад “Жорлонгоо өөрчилье” сургалтанд багаараа хамрагдах болов?

-“Нутгийн шийдэл сан”-гийн үйл ажиллагааг бид хэвлэлээр анхааралтай харж байсан л даа. Угаасаа зорилго нэгтэй хүмүүс нэгдэж байж л амжилтанд хүрэх ёстой. “Нутгийн шийдэл сан”, Азийн хөгжлийн банкны гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн хамтын ажиллагааны үр дүнг бид жилийн дараа харах байх гэж би найдаж байна.

Сургалтын үеэр жорлонгийн олон технологи яригдлаа. Монгол орны эрс тэс уур амьсгалд энэ нь болж байна гэдгийг тогтоохын тулд судалгаа маш их хэрэгтэй байгаа юм. Хөрс болгон янз бүр. Улаанбаатар Туул голын сав дагууцэвдэгтэй учраас хөрс нь овойгоод ямар ч материалыг хуваачих гээд байдаг эрсдэлтэй. Баянзүрх дүүрэгт нэг технологи таарч байхад Толгойтын энгэр өөд газрын онцлогоос хамаараад өөр технологи шаардлагатай болно. Хөрсний онцлогт тохирсон судалгааны үндсэн дээр жорлонгийн технологийг сонгох нь зөв.

-Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ариун цэврийн байгууламжийг шинэчлэх зорилт тавигдсан тухай яригдсан. Энэ хүрээнд ямар боломж хүмүүст олдох бол?

-Ц.Оюунгэрэл тэргүүн түрүүн ярьсан. Мянганы хөгжлийн зорилтоос ганц биелүүлээгүй нь Ариун цэврийн байгууламжийг сайжруулах ажил гээд. Одоо ч бас энэ асуудал Тогтвортой хөгжлийн 27 зорилтын нэг нь гээд ярилаа шүү дээ. Тэгэхээр дэлхий нийт ийм том бодлого дэвшүүлж байхад Монгол эндээс хоцорч болохгүй. Монголын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 гээд бодлогын баримт бичиг гаргасан. Түүнээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр ургаж гардаг. Үүнээс ургуулж жил болгон Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл гэж гардаг. Энэ болгондоо энэ асуудлыг суулгаж, иргэд нь мэддэг, засаг захиргааны нэгж хороон дарга, Засаг даргаасаа нэхдэг, шаарддаг. Тал талаасаа энэ ажилдаа төвлөрч ажиллах нь чухал. Сургууль албан байгууллага ч хуулиар хүлээсэн үүрэг, давуу тал байгаа. Түүн дээрээ дөрөөлөөд сул талаа давуу тал болгох руу явмаар байна. Нэгдэж иргэдийнхээ оролцоон дээр тулгуурлах л хамгийн чухал гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МУИС-ийн багш, доктор Л.Оюун: Олсноороо баяждаггүй, хэмнэснээрээ баяждаг

МУИС-ийн багш, доктор Л.Оюуны “Хадгаламж, хуримтлал, өрхийн төсөв” лекцийг хүргэж байна. Тэрбээр энэ тухай Хан-Уул дүүрэгт болсон“Жорлонгоо өөрчилье” сургалтын оролцогчдод зориулж ярьсан юм.

Санхүүгийн боловсролгүй хүн их зардал гаргаж, бага ашиг олдог.

Бидэнд нэг асуудал бий. Мөнгө байхгүй гээд суугаад байдаг. Яаж мөнгөтэй болох вэ? Монгол өрхийн зарлага их, орлого бага, хадгалах мөнгө байхгүй гэцгээдэг.

Хадгаламжийн томъёо хэлье. Манайхан орлого орж ирэхэд зарцуулаад үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Энэ бол буруу.

Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ?

Харин үүний оронд орлого орж ирмэгц тодорхой хэсгийг нь хадгалаад үлдсэнийг нь хэрэглэх зарчмыг хэвшүүлье. Энэ бол хадгаламжийн зөв томъёо. Орлого олонгуутаа юу авах вэ гэж боддог. Үүний оронд орлого олоод хадгалаад үлдсэн мөнгөөр нь өөрийгөө баярлуулах ёстой. Олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг нь хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно.

Хүмүүс надаас яаж мөнгөтэй болох вэ, мөнгөө хэрхэн хадгалах вэ гэж асуусаар байгаад би санхүүгийн боловсрол руу орсон юм. Би ч залуудаа замбараагүй үрдэг байсан. Өрхийн төсөв хөтлөөд хүмүүжсэн дээ. Би охидын ээж. Охидоо багад өнгийн трико харагдмагц авах дуртай байлаа. Нөхөр маань нэг удаа “Манай гурван хүүхэд жаран хөлт юм уу” гэж билээ.

“Би аз жаргалтайгаар үрдэг” гэдэг лекцийг би уншдаг юм.

Орлого орж ирэхээр хадгаламжиндаа хийгээд, үлдсэнийг нь би жаргалтайгаар үрдэг юм. Тогтмол орлогын 15 хувийг хадгаламжиндаа хийж, харин нэмэгдэл орлогын 50-60 хувийг цааш нь хийдэг.

Би ач зээ нартаа бэлэг авч өгөх дуртай. Зарим хүн мөнгөө хадгалах ёстой гээд атираад, үрчийгээд явдаг. Амьд яваадаа, хадгалж чадаж байгаадаа баярлах учиртай.

Хадгаламж хийх боломж байна уу гэж хүмүүсээс асуухад “Байхгүй ээ” гэдэг юм. Лекц уншсаны дараа асуухаар “Байгаа юм байна аа” гэцгээдэг.

Хадгаламжийн алтан дүрэм:

Аль болох эрт,

Аль болох ихийг,

Аль болох өндөр хүүтэй хадгаламжинд хадгалах.

Орлого орж ирсэн өдрөө хадгална.

Маргааш гэвэл мөнгө хаашаа ч юм алга болчихдог.

Лекц уншсаны дараа нэг хүн ирээд ингэж ярьсан. “Мөнгө хадгалах ёстой гээд сар бүр 50 мянган төгрөг хадгалдаг. Төд удалгүй мөнгөний хэрэг гараад авчихдаг” гэсэн.

Ийм хүмүүст хандсан хадгаламжийн хэлбэрүүд бий.

Хүүгээ зарлагдаж болдог хадгаламж байдаг. Хадгаламжийн сертификат авч болно. Ийм тохиолдолд хугацааг нь дуустал мөнгөө авч болдоггүй. Үнэт цаасны зах зээлд сертификатаа зарж болно. Зарсан тохиолдолд өгөөж нь бага. Капитрон банкинд бол 5 сая төгрөг хийгээд, үүнээс илүү гарсныг нь авч болдог гэх мэт үйлчилгээнүүд бий. Санхүүгийн боловсролтой хүн санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүнийг хэрэгцээтэй үедээ сонгож хэрэглэж чаддаг. Санхүүгийн боловсрол гэдэг нь мөнгөө удирдах чадвар юм.

Хадгаламжийн хүү бол банкнаас танд өгч байгаа бэлэг юм шүү. Японд банкинд мөнгө хадгалуулсныхаа төлөө төлбөр төлдөг болчихсон.

Жижиг банк харилцагчдаа татахын тулд өндөр хүү амладаг. Банк дампуурчих вий гэж айж байна уу?

Хадгаламжийн даатгал гэж байдаг шүү дээ.

Хадгаламж, хуримтлал хоёрыг хүмүүс нэг гэж боддог.

Хадгаламж гэдэг мөнгө гэнэт хэрэг болсон үед хэрэглэх мөнгө. Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед манайхан хадгаламжийнхаа хугацааг эвдээд “Би мөнгө хадгалж чадахгүй нь” гэдэг. Харин хуримтлал өсгөх зорилготой мөнгө.

Хуримтлалын философи

Нэгдүгээр хувин-Санхүүгийн хамгаалалт.

Хэвийн амьдралаа хангахад шаардлагатай бэлэн мөнгө. Мөнгөний гэнэтийн хэрэгцээ гардаг гэдгийг хүн бүр мэднэ. Хэвийн амьдралаа хангах хэмжээний мөнгийг нэгдүгээр хувиндаа хийнэ. Үүнээс давсан мөнгийг хадгаламжиндаа оруулна.

Хоёрдугаар хувин -Санхүүгийн аюулгүй байдал. Орлого гэнэт тасалдахад (ажилгүй болоход, өвдөхөд) хэвийн амьдралаа наад зах нь гурван сар авч явахад зарцуулах мөнгө.

Гуравдугаар хувин- Гачигдалгүй амьдрал, санхүүгийн эрх чөлөө.

Яаж хэвийн амьдралаа хангахад шаардлагатай мөнгийг тодорхойлох вэ?

Нэгдүгээр хувингийнхаа хэмжээг мэдэхийн тулд өдөр бүр зардлаа тэмдэглэнэ. Өдөрт хэрэгтэй мөнгөнийхөө хэмжээг мэдэж авна.

Долоо хоног бүр зардлаа бичнэ. Долоо хоногийнхоо мөнгөний хэрэгцээг мэднэ.

Тууштай хүнийг амьдрал шагнадаг.

Хүмүүс өөрөөсөө бусдыг өөрчлөх гэж хичээдэг. Эхнэрээ, нөхрөө, Засаг даргаа, УИХ-ыг өөрчлөхийг хүсдэг. Өөрийгөө өөрчлөөд дараа нь эргэн тойрноо өөрчил. Тэгвэл дэлхий өөрчлөгдөнө. Залхууралгүй зардлаа бич!

Хэрэв зарим өдөр зардлаа тэмдэглэж амжихгүй бол тасарсан өдрөөсөө үргэлжлүүлэн бичээрэй. Ийм тэмдэглэл хөтөлснөөр юунд илүү мөнгө зарцуулдагаа хянах боломжтой болно.

Надад нэг хүн хандаж зөвлөгөө хүссэн юм. “Хүү маань дөч хүрлээ, авгай авдаггүй, ажил хийдэггүй” гэнэ. “Та эхлээд өөрийгөө өөрчил” гэсэн чинь “Би яагаад өөрийгөө өөрчлөх ёстой юм бэ” гэж асуулаа. “Та хүүгээ битгий тэжээ. Хэдэн төгрөг олдвол хадгаламжиндаа хий, өөртөө зарцуул” гэсэн.

Хэн нэгэн сэтгэлд чинь таарахгүй бол тэр хүнийг өөрчлөх гэхийн оронд өөрийгөө өөрчил. Өнөөдрөөс өрхийн орлого зарлагаа бичээд яваарай.

Эдийн засгийн сэтгэлзүйчид дэлхийн хүмүүсийг мөнгөө хэрхэн зарцуулах байдлаар нь зургаа ангилжээ.

Та аль ангилалд нь багтах вэ, өөрийгөө олоорой.

1.Замбараагүй хэрэглэгчид.

Мөнгө байхгүй ч байсан бусдаас зээлж байгаад юм худалдаад авчихдаг хүмүүс.

2. Дуурайгчид

Энэ тийм хувцас өмсчихөж, машин аваад уначихаж гэдэг. Бусад хүн яаж орлого олж байгааг дуурайдаггүй хэрнээ хэрхэн зарлага гаргаж байгааг нь дуурайдаг хүмүүс.

3. Зар сурталчилгааны хохирогчид

Нөхөр маань уг нь дэмий юманд мөнгө зардаггүй хүн. Нэг удаа загасанд явахад тохиромжтой малгай интернэтээр захиалсан чинь цаас шиг нимгэн юм ирж билээ.

4. Яадаг юм нэг удаа!

Нэг удаагийн сэтгэл ханамжаас татгалздаггүй хүмүүс. Яадаг юм, нэг удаа л гэдэг.

5. Харамч

Нэг хүн надад ингэж ярьсан юм. “Надад мөнгө байна. Амьдралын баяр баясгалан алга. Би мөнгөө хадгалах гэж үргэлж хичээж ирсэн. Эхнэр хүүхэдтэйгээ мөнхийн дайтдаг. Таны ярихыг сонсоод хэрэглэхийгээ хэрэглээд, хадгалахыгаа хадгалах ёстойг ойлголоо” гэсэн юм даа.

6. Оновчтой хэрэглэгчид

(Би энэ тодорхойлолтыг хараад бараг шоконд орсон)

Төлөвлөгөөнөөс гадуур зардал гаргадаггүй хүмүүс. Төлөвлөгөөтэй амьдрахад амжилтанд хүрдэг.

Та энэ зургаагийн аль нь вэ? Өөрийгөө олбол яаж зарцуулалт хийхээ мэднэ гэсэн үг.

Аль алинд нь та хамрагдаж байгаа мэт санагдаж болно. Хамгийн их давтамжтай нь та шүү.

Хүн бүр санхүүгийн шийдвэр гаргадаг. Удахгүй орж ирэх мөнгөөрөө юу худалдаж авах вэ гэдгийг бус хэдийг нь хадгалах вэ гэдгээ бодох нь чухал.

Аз жаргалд хүрэх зам

Нэгдүгээр зам. Мөнгөө хэмнэх, хэмнэсэн мөнгөө хадгалах.

Өдөрт хайрцаг тамхи татдаг хүн байлаа гэхэд тамхинаас гараад, өдөр бүр 3000 төгрөг хэмнэсэнээ өөр юманд зарцуулчихвал үр дүнгүй. Хэмнэж л байгаа бол хадгал. Хэмнэлтийн утга учир энэ. Олсноороо баяждаггүй, хэмнэснээрээ баяждаг гэдэг.

Хоёрдугаар зам. Орлогоо нэмэгдүүлэх.

Монголчууд ихэвчлэн цалин, хөдөлмөрийн хөлсөөрөө амьдардаг. Цаана нь хүү, түрээс, бизнес гэж бий.

Хүмүүс, зээлийг өр гэж бодоод байдаг.

Захиран зарцуулах эрх нь чамд байгаа мөнгийг орлого гэдэг. Зээлийн мөн чанар нь орлого бүтээх. Зээлийг зөв ашиглавал орлого нэмэгдүүлдэг.

Бидний хийсэн хадгаламж зээл болж бизнес эрхлэгчдэд очдог.

Зүгээр л хадгаламжиндаа мөнгө хийхэд улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа хэрэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Defacto Д.Жаргалсайхан: Бид өөрсдөө ч жаахан соёлтой, дипломтой орк нь байхгүй юу

Эдийн засагч, нийтлэлч, Defacto Д.Жаргалсайхан “Эрдэмтэд, сэтгүүлчид” клубынхны урилгаар ирж, хөгжлийн тухай ярьсан юм. Түүний ярьсныг хүргэж байна.


МОНГОЛ АРАЙ Л АРДЧИЛСАН ЮМ АА

Сая Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчаар уригдлаа. Төр засгаас хэдэн хүн очсон гэсэн. Иргэний нийгэм, сэтгүүлч зарим орноос очжээ. Москвад хоёр, Санкт Петербургт хоёр хоносон. Сонгуулийн өмнө очоод, дараа нь ирлээ. Жолооч гаргаж өгсөн. Сонгуулийн тойргуудаар явлаа, долоо найман газраар орлоо. Бичгээ үзүүлэхээр хаана ч оруулдаг юм байна. “Монголоос олон улсын ажиглагч ирсэн” гээд тэмдэглэж авдаг юм билээ. Яг л манай сонгуулийн байранд орсон шиг санагдана. Сургуулийн байранд санал авч, ойролцоогоор нэг тойрогт 2000 хүн санал өгч байна. Заримынх нь гадаа эх оронч, ардын (“Частушка” ч явж байх шиг) дуу хангинаж, хүүхдүүдэд печень өгч байсан.

Сонгуульд найман хүн өрсөлдөж байхад нэг нь 77 хувийн санал авахаар өрсөлдөөн тэгш нөхцөлд болсон гэхэд хэцүү. Яагаад ийм байгаа юм бол гэж бодлоо. Орос орон 11 цагийн бүстэй, нар жаргадаггүй нутаг юм. Холбооны хэмжээнд мэдээлэл өгдөг 20 орчим суваг нь төрийн өмч, гурван сувгийг нь төрийн өмчтэй Газпром эзэмшдэг юм байна. Хувийн эзэмшлийн кабелийн сувгууд нь хот, орон нутгийн хэмжээнд цацдаг.

Холбооны суваг нь төрийн хяналттай. Ихэнхдээ төр засгийн тухай, удирдагч В.Путины тухай ярина. Манай наяад он шиг санагдсан. Оросууд бол оюунлаг ард түмэн. Гэсэн ч олон хүн “В.Путинээс өөр сонголт байхгүй” гэж ярих юм. Яагаад гэхээр “Дэг журам бол тайван амьдралын баталгаа” гэж хариулсан. Хааяа хааяа авилгын хэргийн тухай ярихаас биш, өдөр тутам нийтийн хөрөнгө яаж зарцуулж байгаа, өгөөжийн тухай манайхан шиг дэлгэрэнгүй ярихгүй юм.

Ирээд “Владимр” гэж нийтлэл бичсэн. М.Ходорковскийн гуравдугаар сарын 15-нд BBC-д өгсөн ярилцлагыг харсан. “Оросыг В.Путинээр дамжуулаад Кремльд шургалсан 100 хүрэхгүй этгээд хянаж байна” тэр хэлсэн юм. Үнэхээр тийм бол Орос орон бүр ч хэцүү байдалтай гэсэн үг.

Москвагийн төвд томоохон зочид буудлын дэргэдэх ресторанд хооллосон юм. Тэндэхийн ажилтантай ярилцлаа. “Та хэнийг сонгох вэ” гэсэн чинь “В.Путиныг” гэж байна. “Яагаад” гэсэн чинь “Би энд хорь гаруй жил хувцасны өлгүүрт ажиллаж байгаа. 2000 онд манай энд зөвхөн банда (дээрэмчид) ирж хооллодог байсан. Буутай хамгаалагч энд миний дэргэд зогсдог байлаа. Дараа нь өөр нэг банда ирдэг. Одоо манайх шиг нам тайван газар байхгүй” гэлээ. Ямар ч байсан хойд хөршийг нэг хүн 24 жил удирдах нь де-юре болов.

Урд хөршийг нэг удирдагч арав, арван жилээр удирддаг байснаа, одоо хязгааргүй болчихлоо. Урьд, хойд хоёр хөрш маань нэг хүнээс хамааралтай, төр засаг нь тогтвортой, олон дахин өөрчлөгдөөд байдаггүй боллоо шүү дээ. Баруун талд бас нэг хүн 30 жил төрөө барьж байна. Энэ дунд байгаа ганц орон болох Монгол Улс бол ардчилсан улс, төр засгаа сонгодог, солигддог. Ардчилсан улсад хэрэв төр засаг нь муу ажиллавал түүнийг сольж болно. Энэ бол буруу шийдвэр гарвал иргэд нь эсэргүүцэж чадах механизм. Бид ирэх жилүүдэд ардчиллаа улам бэхжүүлэх хэрэгтэй байна.

ХАРВАРДАД ЛЕКЦ УНШИХДАА ИНГЭЖ ЯРИЛАА…

Олон улсын ажиглагчаар Орост явахаасаа өмнө “Монголын ардчиллын сургамж” сэдвээр Харвардад лекц унших боломж олдсон юм. Дараа нь энэ тухай нийтлэл бичсэн, миний сайт дээр байгаа. Тэнд юу ярьсан гэхээр миний амьдралын хагас нь социализмд, хагас нь капитализмд өнгөрч байна гээд социализмын үед Монгол ямар байсан, одоо ямар байгааг харьцуулсан л даа.

Би хэдэн сарын өмнө Женев явсан. Гучин жилийн өмнө бас Женевт очиж байлаа. Тэр үед Олон улсын оюутны холбоо гэж байсан. Тэнд би төлөөлөгчөөр ажиллаж, 1988 оны гуравдугаар сард анх удаа капиталист оронд очсон хэрэг. Женевээр явахдаа дээрэмдэх байх, гуйлгачин тааралдах байх гэж бодсон.Тийм юм байдаггүй шүү. Тэр орой намайг зодчихсон бол их сайхан унтах байлаа (инээв). Ер нь тэгэх шинж алга аа. Настай хүмүүс нь ядарсан дүртэй байх болов уу гэж төсөөлсөн ч тэндэхийнхэн насжих тусмаа ганган цэмцгэр, бас гоё машинтай байсан. Өвөө эмээ хоёр яваад байх юм. Тэр үдэш их юм бодлоо. Бүх насаараа ташаа мэдээлэл авсан шиг санагдсан.

Тэр үеэ дурсаад, социализм бидний хувьд юу байсныг ярьсан л даа.

Мэдээж бүгд ядуувтар, дундаж амьдралтай, ажилтай байсан. Өмчийн харилцаа нийгмийн хөгжлийн суурь юм. Социализм хувийн өмчийг үгүйсгэдэг, капиталын хуримтлалыг үгүйсгэдэг учраас нурсан. Аав маань алт, мөнгөний дархан байсан юм. Манайд цагдаа ирээд, аавын дөшийг хурааж байсныг санадаг. Энэ бол хүүхэд насны хамгийн тод үлдсэн дурсамж. Аавыг “Хувийн үйлдвэрлэл эрхэллээ” гэж хөдөлмөрийн хэрэгсэлийг нь хураасан юм билээ. Түүний хамгийн том “нүгэл” нь долоо хоногт гурав, дөрвөн бөгж ээмэг хийгээд, хар зах дээр борлуулж, хүүхдүүдээ хооллодог байсан хэрэг.

Төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийг одоо ч зарим хүн магтдаг. Орост суралцахаар шалгалтанд тэнцсэн залуусыг Улсын их дэлгүүр рүү тусгайлан оруулж, хувцас авах боломж өгдөг байсныг одоо ч мартаагүй.

Тэгээд бүгдээрээ галт тэргээр Москва явна. Тэндээс бусад хот руу тарна. Арваад вагонтой, нэг вагонд тавь жаран хүүхэд сууна. Замдаа Эрхүүд зогсоод, вагоноосоо гарч ирэхдээ бүгд адилхан биеийн тамирын хувцастай болчихно. 600 хөх хувцастай хүүхэд гэж төсөөл дөө. Эрэгтэй, эмэгтэйгүй адилхан. Бүгдээрээ гуравхан өнгийн цамцтай. Германаас улс авчирсан хамгийн сайн цамц шүү. Ерөнхийдөө хуваарилалтын систем байсан.

Хувийн машинтай хүнийг нударган баян гэх мэтээр муулна. Энэ бүхнийг өөрчилсөн хувьсгалыг бид 30 жилийн өмнө хийчихлээ шүү дээ.

“ВАЦСЛАВ ХАВЕЛЫГ ЧӨЛӨӨЛ” ГЭЭД ИНДЭР ДЭЭРЭЭС “АВААД ХАЯСАН”

1988 онд Прагийн хавар гэж хөдөлгөөн өрнөсөн. “Олон улсын оюутны холбоо”-ноос биднийг их дээд сургуулиудад явуулж үг хэлүүлж байв. Прагад Политехникийн дээд сургууль гэж байдаг. Манай ЭСЯ-наас алхаад очих газар Сүхбаатарын гэх талбай байсан. Тэнд коммунизмын эсрэг оюутнуудын жагсаал болсон юм. Миний хуваарь тэр сургууль дээр таарч “Вацслав Хавелыг чөлөөл. Үг хэлэх эрх чөлөө байх ёстой” гээд л индэр дээрээс “аваад хаясан”. Маргааш нь Чехсловакийн Залуучуудын сонинд “Нэг монгол ирээд Сүхбаатарын талбай дээр “Вацслав Хавелыг чөлөөл” гэлээ хэмээн мэдээлсэн. Төдөлгүй тэр улсад төр засаг нь солигдлоо.

Санжаасүрэнгийн Зориг бид цуг Москвагийн Их Сургуульд сурч төгссөн юм. 1990 оны хавар Чехсловакаас П.Цэнгүүн (“Алтан тариа”-гийн) өөр нэг эмэгтэй оюутан бид гурав ирж Ардчилсан Холбооны анхны хуралд оролцсон. Заал дүүрчихсэн гээд оруулахгүй болохоор нь С.Зоригийг дуудаж “хаалгадаж” орж билээ. Мэдээж энэ бол “зөвшөөрөгдөөгүй, албан бус” хурал байлаа.Тэр хурлын протокол надад байдаг. Заримыг нь би аудио бичлэг хийж авсан.

Маргаашаас нь МХЗЭ-ээс Оюутны холбоог салгах хэрэгтэй гэж Лу.Болд бид нар санал гаргаж, Оюутны холбооны бага хурал хийж, тусдаа болсон. Тэгэхэд ардчилал гэж ч нэг их ярьдаггүй байсан даа.Төр засаг солигдохгүй бол улс орон хямралаас гарахгүй гэж ярьдаг байсан. Оюутны холбоо санаачлаад, улс төрийн хүчнүүдийг урьж, яаж хамтарч ажиллах тухайгаа ярилцаж билээ.

Улсын их сургуулийн дөрөвдүгээр байранд, дөрөвдүгээр давхарт, дөрвөлжиж зассан ширээг тойроод суусан. Тэр хурлын протокол надад бий. Гуравдугаар сарын 4-ны жагсаалын гол зорилго юу вэ гэдгийг хэлэлцсэн дээ. Шинэ намуудын төлөөлөгчид янз бүрийн юм хэллээ. Нэг өндөр туранхай нөхөр (Буян Жагаа) “Улстөрийн товчооныхныг дүүжлэх хэрэгтэй, орос эхнэртэйгээс нь эхлээд дүүжилье” гэсэн.

“Цаана чинь цэргүүдийг хотын гадна аваад ирсэн байна гэнэ. Тэд та нарыг эвгүй хөдөлбөл баривчлах юм байна” гэж нэг нь хэлсэн. “Монгол хүн, монгол хүнийхээ эсрэг зэвсэг битгий хэрэглээрэй” гэсэн уриалга гаргаад тараачихья гэсэн. Гурван хүн төсөл бэлтгэхээр боллоо. Р.Гончигдорж багш, өөр нэг намхан нөхөр бид гурав гараад бэлдсэн чинь нөгөө намхан, шинельтэй нөхөр “Бие бүрэлдэхүүн гэж эхэл гэж байсан. Энэ нөхөр бол Ц.Элбэгдорж. Нэг нь сүүлд УИХ-ын дарга, нөгөөх нь Ерөнхийлөгч болсон доо.

Бие бүрэлдэхүүн гэдэг үгээ оруулсан текст бичээд, хуралдаа танилцуулж, батлуулаад шөнө нь МОХ дээрээ очиж, Лу.Болд бичгийн машинаар бичээд, хортой цаасаар олшруулж, Энхтайвны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл бүх шон дээр наацгаасан. Маргааш нь “Жагсаал хийх тухай зарлаж өгөөч гэж “Үнэн” сонин дээр очсон чинь “Дарга цаггүй байна” гээд намайг хүлээж аваагүй. Гуравдугаар сарын 4-ний жагсаал ингэж болсон.

Гучин жилийн өмнө монголчууд өөр сонголтгүй байсан. Энэ сонголт нь яг үнэнийг хэлэхэд өмчийн сонголт. Зөвхөн хувийн өмч байгаа газар л чөлөөт зах зээл байна.

Өнөөдөр харахад улс орны энх амгалан, элбэг хангалуун амьдрал бол эдийн засгийн эрх чөлөө, улстөрийн эрх чөлөө, шинийг санаачлан бүтээх гэсэн гурван юмны нийлбэр юм. Энийг бүтээхийн төлөө бид 30 жил явж ирлээ

Бид гучин жилийн өмнө ардчиллыг сонгоод, маргааш нь сайхан амьдарна гэж бодсон чинь тийм биш байна. Өнөөдөр ч энд хүрээгүй байгаа. Энэ бол дардан зам биш. Ард түмэн, улс орон болгон өөрийнхөө замаар явж байгаа.

Өнөөдөр ч олон үндэстэн энх амгалан амьдрахын төлөө байлдаж байна. Бөмбөгдөлтөнд өртсөн Сирийн хотыг хар даа. Яаж хот гэж нэрлэх вэ дээ. Би Дамаскт очиж үзсэн. Олон улсын Оюутны холбоонд байхад маш олон орноор явуулсан л даа. Одоогийн Асадийн аав Асад тэгэхэд байсан юм. Тэр хүний нэрийг хэлэх бүрт оролцогсод бүгд босч алга ташдаг сонин хуралд оролцсон.

Ким Ир Сентэй хуралд ч орсон. Фидель Кастрог дөрвөн цаг сонсч билээ. Зүүний удирдагчдыг харж, сонсч явлаа. 1990 он гэхэд коммунизм гэдэг туршилт бүтсэнгүй, нийгэм нь ээлж дараалан нурж унасан. Нийтийн өмчийг намын нэрээр цөөхөн хүн эдэлж байсан учир улс орнууд нь дампуурсан даа.

ОДОО ЯАХ ВЭ?

Хорвоод ирээд буцахдаа энэ нийгмийг байснаас нь илүү дээр болгох нь амьдралын агуулга. Тэгээд л бид өөр өөрсдийнхөө чиглэлээр ажиллаад байгаа биз дээ. Энэ бүх хийж байгаа зүйл улстөрийн эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, шинийг санаачлан бүтээх ажлууд байх ёстой.

Улс төрийн эрх чөлөөтэй болоход алдаа гараад байна. Алдаатай, өгөөжгүй учраас хүмүүс итгэхгүй байгаа юм.“Энэ ч болохгүй байна. Нэг чанга гар хэрэгтэй байна. Хажуугийн хөршүүд хөгжөөд байна” гэдэг. Хойно ч, урд ч хүмүүс даргаасаа айгаад, сайхан магтаад суугаа. Саяхан хүртэл бид өөрсдөө тийм байсан шүү дээ.

Өнөөдөр бага насны хүүхдийг хамгаалах нэрээр цаазын ялыг сэргээх алхам хийгдэх гэж байна. Хүүхдийн нэр барьж, цаазын ял сэргээгээд, цаашдаа хэнийг ч цаазаар авах юм билээ. Олон алдаа гарч байсан шүү дээ.

Энийг бид бүгдээрээ нийлж зогсоох хэрэгтэй. Улс төрийн эрх чөлөөг илэрхийлж байгаа хамгийн зөв хэлбэр нь ардчилал. Энэ хүмүүсийг сонгохоор ардчилал явчихна гэж бид ойлгосон. Тэгсэнгүй.

Сонгууль зөвхөн бүтээгдэхүүн юм байна. Энэ бүтээгдэхүүний үр өгөөж нь гарч ирэхгүй байна. Иргэдийн оролцоо, хяналт дутагдаж буй. Иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахаар ажиллаж байгаа хүн бараг алга. Энэгүйгээр явахгүй юм байна.

Улстөрийн намууд эрх ашгийн төлөө байлдаан хийж, зарим хүмүүсийг алагчлаад шоронд хийж байна. Ф.Фукуяамагийн хэлснээр төрийг байгуулахад улс төрийн намууд тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэдэг явагдаж байна. Нам биш, улстөрч биш, та өөрөө хувь заяаныхаа эзэн гэдгийг бид бүрэн ойлгоогүй байна.

Энд асар том боловсрол, гэгээрлийн ажил хийх хэрэгтэй. Боловсролыг хар багаас нь эхлэмээр байна. Ардчиллын боловсролын эхлэлүүд бий. Ардчиллын тухай жижигхэн хөөрхөн ном гаргажээ. Тэрийг энэ систем хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл нийгэм өөрөө хоцрогдоод байгаа учраас сургууль дээр тэрийг оруулж ирнэ гэдэг эрх ашгийг хуваалцах асуудал гарч байгаа юм.

Бүх шатандаа бид зөндөө их ажиллах хэрэгтэй байна.

Эдийн засгийн эрх чөлөөн дээр ч маш их ажиллах хэрэгтэй. Бид төр гэдэг ойлголтыг өөрчлөх учиртай.Төрийн албан хаагч гэж нэрлэдэг. Агуулга нь бол төрийн албан хаагч биш улсын албан хаагч, бидэнд үйлчлэх ёстой хүмүүс шүү дээ. Тэр хүний ажил нь төрд, байшин, системд бус бидэнд үйлчлэх байхгүй юу.

Олон хүний, нийтийн гэсэн санаагаар төрийн гэдэг үгийг улсын гэж орлуулмаар санагддаг. Улсын, нийтийн, төрийн хувийн биш өмчүүд олширч байна.

Энэ их ноцтой. Хувийн бус өмчийг эрх бүхий этгээд хэн ч очиж эдэлж, завшиж болно. Төрийн өмч гэдэг нэрийн дор намын өмч ноёлж байна. Улсын гэсэн нэртэй уул уурхайн том монополиуд бий болж байгаа нь үнэн хэрэгтээ намын өмч болчихсон. Тэр нам л өөрийнхөө хүнийг томилоод, өөрийнхөө программмыг хэрэгжүүлдэг, ил далд завшдаг систем хүчтэй байна.

Чалкогоос 350 сая долларыг төрийн компаниар зээлж авахуулчихаад төр нь өөрөө хэрэглэчихэж болохгүй. Энэ тухай бид мэдэхгүй байна. Мэдсэн нь дуугарахгүй байна.

Ардчилал авилгажсан. Авилгалын системд ажилладаггүй тэрнээс хамаардаггүй айл гэж байхаа болив. Яагаад гэвэл Монголд бизнес хийхийн тулд авилга өгөх хэрэгтэй болж байна. Авилга өгч байж төр засгийн эрх мэдэлд очиж байгаа. Хамгийн том авилгын эх үсвэр нь улс төрийн намууд. Тэд намдаа хандив авах нэрээр ирээдүйн албан тушаалуудыг, төсвийн хуваарилалтыг борлуулчихаж байна. Үүнийг бид хараад дуугүй байна.

Улс орон дампуурах суурь шалтгаан мэддэг хүмүүс нь дуугарахгүй байгаад л оршдог шүү дээ. Германд тийм байсан Гитлер гарсан. Испанид тийм байсан. Италид ийм юм болсон. Яаж Гетёгийн эх орон боловсролгүй товаришийг дагаад, “Бид хамгийн мундаг наци …” гээд давхичихан юм бол. Мэддэг хүмүүс нь “За энэ ч удахгүй дампуурна даа” гэж бодсон. Үгүй. .. Гучин жил тэр орныг хөлдөө чирч, хичнээн олон сая хүнийг аллаа.

Дараа нь нэг юм “Аа энэ биш юм байна” гэцгээсэн. Бид хэдэн жил ингэж явах вэ?

Хэдэн жил бид ийм байдлыг тэвчиж үргэлжлүүлэх вэ?

Энэ асуултанд бид хариулж чадахгүй байна.

Манайд улстөрийн эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөөг хааж байна. Биднийг илэрхийлж байгаа улс төрийн намуудын үүрэг бол нийгэм, төрийг холбосон гүүр байх.

Гүүр гэдгээ сонгуулийн өдрүүдэд л ярьж байгаа болохоос биш бусад үед гүүрнийхээ нийгэмд хандсан холбоосыг мартчихаад, өөрсдийгөө тэжээдэг хүмүүст үйлчилж, өөр холбоо гаргаад байна. Үүнийг демократтура гээд байгаа юм. Өнөөдөр энийг мэдэхгүй, ярихгүй, ярихыг хүсэхгүй байна.

Эрүүл саруул өрсөлдөөн байж шинийг бүтээнэ. Тэгж байж ялгаатай болно. Үүнийг бүтээх эдийн засгийн эрх чөлөөний суурь зарчим байдаг. Энэ бол чөлөөт үнэ. “Үнэ чөлөөлчихвөл тэр нь ч хөөрхий болно. Энэ ч хөөрхий болно” гэдэг. Тэрүүн шиг худлаа юм байхгүй. Үнэ чөлөөтэй байх тусмаа тогтвортой байна. Ийм суурь зарчмуудыг ярьж түгээж, өөрсдөө жишээ болмоор байна.

Монголд шүгэл үлээх соёл муу хөгжсөн. Яагаад гэвэл нүүдэлчид одоо болж байгаа муу юм өөр дээр нь бууна гэж боддоггүй.“Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол” гээд яваад өгдөг. “Төрийн төлөө оготно боож үхэхээ болъё” гэдэг. Суурин соёлтой газар бол өнөөдөр манай хөршид тохиолдож байгаа юм маргааш надад тохиолдоно гэж бодоод, хоёулаа нийлж эсэргүүцдэг.

Орк гээд яриад байна. Бид өөрсдөө ч жаахан соёлтой, дипломтой орк нь байхгүй юу. Өөрсдийгөө шоолж сурах хэрэгтэй. Бид өөрсдийгөө шоолох, жижигрүүлэх соёл байхгүй. Худлаа магтаад л зууны гавьяа, хүн төрлөхтний манлай гэдэг.

Энэ сэтгэлгээ хүчтэй байх тусмаа биднийг оюун ухааны хувьд доройтуулж байна. Өөрсдийгөө ёгтолж амьдрах нь соёл. Даруухан байх, зөв байх учиртай. Бидний хэлбэр их том. Байгаагаасаа илүү томоор өөрийгөө харуулах гээд байдаг. “Хүнээс дутахгүй амьдар” гэж эцэг эх нь сургадаг. Харин япончууд бол хүүхдээ “Хүнд битгий дараа бол” гэдэг. Японд цунамигийн үеэр хийсэн баримтат кино үзсэн. Нэг эмээг цэрэг үүрээд явж байхад эмээ “Би та бүхэнд тээр болж байна, уучлаарай” гээд л байх юм. “Ус хүрэлцэхгүй боллоо. Хүн бүр нэг ус аваарай” гэхэд урт дараалалд зогсоод хүн бүр нэг л ус авч байх жишээтэй.

Нийгмийг өөрчлөхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Сэтгэлгээний өөрчлөлтийг соёл урлаг харуулмаар байгаа юм гэж Д.Жаргалсайхан ярилаа.

Сонсогчид ч бас асуулт тавьж амжлаа.

-Таныг ардчилсан хувьсгалын эхний цуглаануудад оролцсон гэж сонсоогүй юм байна, яагаад би ч бас гэж яриагүй юм бэ?

-Ардчилал бол Монгол хүн бүрийн хүчин зүтгэл юм. Би тэр протоколоо гучин жилийн дараа л гаргая гэж бодож байна. Гучин жил бол юм дүгнэж, ярьж болох хугацаа. Би нэг нь гээд давхиад байх шаардлагагүй.

-Иргэдийн оролцоо гэж та ярилаа. Эрх баригчид шийдвэр гаргаж байгаа үед иргэд бид яаж оролцоогоо нэмэгдүүлэх вэ?

-Ардчилал гэдэг бол хуулийн засаглал юм байна. Нэг ч хүн хуулиас дээгүүр байх ёсгүй гэсэн үг. Тэгэхийн тулд хуулийг бий болгох процесс нь ил байх учиртай. Түүнээс биш гурав хоногийн дотор хууль гаргадаг байж таарахгүй. Энэ процессыг өөрчлөхийн тулд хууль журмыг боловсруулах явцад хүмүүс оролцох боломжийг өг. Хуулийг хийж байхад нь л оролц.

-Баривчилгаа хийгдээд байгааг та юу гэж бодож байна вэ?

-Зүв зүгээр байсан хүнийг барихгүй байлгүй дээ. Гэхдээ үндэслэл нь баталгаатай, барьцтай юу гэдгийг би мэдэхгүй байна. Ер нь хүнийг баривчилна, эрх чөлөөнд нь халдана гэдэг том хэрэг. Бодьтой үндэслэлтэй байж л халдах учиртай. Хэрвээ энэ хүмүүсийг үндэслэлгүй байна гээд тавибал бид энэ системийг нураах хэрэгтэй.

-Ардчиллынхан ардчиллыг эхлүүлсэн гээд улс төрийн капиталыг эд хөрөнгөний капитал болгож баяжчихлаа. Бид бол ажил хийж амь зууж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Энэ ахиад л сонголтын асуудал. Махатма Гандигийн хэлсэн үг байдаг. “Энэ хорвоо дээр таны хэрэгцээг хангах нөөц бий. Харин таны шуналыг хангах нөөц байхгүй” гэж. Бид хэрэгцээ, шунал хоёроо ялгах ёстой. Амьдрахад юу хэрэгтэй юм. Орох орон, унаа, тав тухтай унтах газар, амар амгалан хэрэгтэй. Ажил хэрэгтэй.

Наад захын энэ хэрэгцээнүүд дээрээ цагаа зарцуулах ёстой гэж хүүхдэдээ багаас нь ойлгуулах хэрэгтэй юм билээ.

Танилын маань хүүхэд хэлж байна гэнэ. “Аав, та битгий сургуулийн үүдэнд ирж бай. Та машинаа хол тавьчихаад өөрөө хүрээд ир, эсвэл надад ирчихлээ гээд мэдэгдчих” гэжээ. Тэгж хэлж байгаа хүүхдэд зөв тайлбар өгөх хэрэгтэй. Энэ хүүхдийн хамгийн гол санаа зовж байгаа юм материаллаг өрсөлдөөн.

-Төлөөллийн ардчилал засаглалын хамгийн сайн механизм гэж үзэж байсан тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Ардчилал сайн засаглалыг тогтоож чадахгүй боллоо гэж яриад байна. Трамп ялчихсан чинь хятадууд “Танай ардчилал чинь ийм л үр дүн авчирна даа” гэж байна. Орост болохоор элитүүд, сэхээтнүүд улс орноо авч явах ёстой. Гэтэл ардчиллын үр дүнд худалдаачин наймаачин улсууд гарч ирчихээд, улс орныг бодохгүй хувиа бодоод байна. Үүнээс болоод хөгжихөө байчихлаа гэж ярьцгааж байна л даа. Манайд ч хэцүү боллоо. Бид ардчиллаа яаж боловсронгуй болгох вэ ?

-Би яг энэ тухай профессор Ф.Фукуяаматай ярилцсан юм. Ярилцлага нь миний вэб сайт дээр бий. “Төрийг байгуулах нь” гэдгийг монголчууд төрийг бэхжүүлэх нь гээд буруу орчуулчихсан байсан. Тэр төр жижиг байх тусмаа үүргээ биелүүлэх чадвартай байх ёстой. Төрөөс юу хүлээж байна түүнийг өгөх учиртай. Төрөөс бид дэг журам, өмч, хүний эрх, энхтайван, аюулгүй байдлыг хамгаалахыг хүсч байгаа.

Болохгүй байгаа бүхэн ардчиллын буруу биш. Ардчиллыг 100 хувь гэж үзвэл бид зөвхөн 40-50 хувийг нь л ашиглаж байгаа. Иргэдийн оролцоо, хяналтыг хангах хүч, мэдлэгийг бид хүмүүст өгч чадахгүй байна. Хэрвээ үүнийг бид өгч чадвал хоёр хөршөөсөө илүү хөгжих боломжтой. Эрх чөлөөтэй, өөрийгөө илэрхийлж чадаж байгаа иргэн л хамгийн хүчтэй. Хоёр хөршид хазаарыг нь барьчихсан байгаа. “Чи энийг хий, үүнийг хийж болохгүй” гээд.

-Ардчилал анархизм болж хувирлаа гэдэг?

-Тийм ээ, яагаад гэвэл бид төр засгаа хянахгүй байна.

-Таныг АНУ-д сурч ирээд аль нэг банкинд ажиллаад гарч өгөх байх гэсэн чинь яагаад сэтгүүлч бидний өрөөсөн дугуй болчихов. Ингэхэд та АНУ-д тэтгэлэгээр сурсан билүү. Яагаад өөрийн гэсэн TV байгуулдаггүй юм бэ?

-Би санхүү, хөрөнгийн зах зээлээр мастер хамгаалсан юм. Буцаж ирээд Монголын аль нэг банкийг өөр болгоно гэсэн бодолтой ирсэн.

USAID 2000 онд таван хүнд тэтгэлэг өгсөн. Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд бид нарт. Бид бүгд гурван сар хэл, тооны бэлтгэл хийсэн. Төгсч ирээд би хоёр банкнаас ажлын санал хүлээж авсан. ХАС банк ТУЗ-даа орооч, “Шинэчлэл” банк гүйцэтгэх захирлаар ажиллаач гэсэн. Хамгийн жижиг банкыг нь аваад, үзүүлээд өгье гэж бодсон юм. Нэрийг нь сольж “Капитал” болгоод, маркетингаа өөрчилсөн. Одоо байгаа энэ ногоон өнгө, уриа гэх мэт өөрчлөлт хийсэн. Ажилтануудын итгэлийг сэргээхээр ажилласан. Актив нь овоо сайжирсан даа. Эзэд нь жилийн дараа тохирсон шагналаа өгөөгүй, “Та ахиад нэг жил ажиллачих, хойтон хоёр дахин их болгоод өгье“ гэсэн.

За ингэж болдоггүй юм байна гээд жаахан урам хугарсан. Монгол компаниудын эзэд амласандаа хүрдэггүйг дараа нь бас харсан.

Консалтинг бизнэс хийж эхэллээ. Сүүлд ХАС банкинд бас консолтинг хийж байхад “Манай лизинг компанийг аваад яваач” гэв. ХАС лизинг компанийн захирал болсон, бид 24 сарын дотор хоёр сая долларын активаа, 15 сая долларт хүргэсэн. Тэгэхэд би нийтлэл бичээд эхэлчихсэн байв. Төдөлгүй эсвэл захирлаа, эсвэл “дефактогоо” хийх сонголт тулгарлаа. Тэгээд эхнэртэйгээ зөвлөлдсөн юм. Эхнэр маань “Чи дуртай юм аа хий. Одоо хүүхэд том болчихсон. Бидэнд байр байна. Өөр юу хэрэгтэй юм. Чи өөрөө л аз жаргалтай бол тэрийгээ сонго” гэсэн. Тэгээд л дуртай юмаа хийхээр шийдсэн дээ.

Миний зорилго бол нийгмийг өөрчлөхөд оролцох. Тэр нь бичгээр байж болно. Телевизээр гарч болно. Ямар машинаар явах нь хоёрдугаар асуудал. Ухаалаг зохион байгуулалттай ажиллах ёстой. Зөв маркетинг, зөв брэнд хийхийг зорьсон. Нэг монгол, нэг латин үг олоод Жаргал Defacto гэж эхэлсэн.

Олон жилийн дараа хүмүүс таньдаг болсон. Хэрэв чи хүнд хэрэгтэй үнэ цэн бий болгож байгаа бол үнэлэгдэх ёстой. Хэрэв чи үнэхээр зөв юм хийж байгаа бол олон хүн чамайг уншина. Одоо Defacto гэдэг газета гарч байгаа. “Учиртай гурван хулгай” гэсэн нийтлэлийг маань“Өнөөдөр” сонин гаргаагүй болохоор тэндээс явсан.

Уг нь долоон жил тасралтгүй миний буланг гаргасан юм. Энэ үед гэнэт нэг санаа төрсөн. Өөрөө сонин гаргаад и-мэйлээр үнэгүй тараачихъя гэж бодсон л доо. Одоо долоо хоног тутмын хамгийн том сонин болсон. 12000 хүнд хүрч байгаа.

Яагаад өөрийн ТV-гүй юм бэ гэж та асууж байна. Тийм шаардлага байхгүй. Өнөөдөр сошиал медиа хорвоод байхгүй боломж өгч байна. Хүн болгонд тийм боломж бий. Нийтлэл маань зургаан хэлээр гарч байгаа. Сонин маань монгол, англи, япон хэлээр гардаг болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуунмодод ч бас жорлонгоо өөрчлөх тухай яриа өрнөлөө


ХҮНИЙ
ЯЛГАДСЫГ НӨӨЦ БАЯЛАГ ГЭЖ ҮЗЭХ БОЛЖЭЭ

Сингапур цэвэр усгүй орон. Нэг ч гол мөрөн, нуур, газрын гүний усгүй. Усаа дотооддоо хангадаг болох нь тэдний мөрөөдөл. Одоогоор далайн усыг давсгүйжүүлэх аргыг бага сага хэрэглэдэг ч маш их эрчим хүч шаарддаг гэнэ. Иймд тэд бохир уснаас цэвэр ус гаргах технологид түлхүү хөрөнгө оруулах болжээ. “New­Water plant” буюу шинэ усны үйлдвэртээ тэд бохирын усыг цэвэршүүлж, сайн чанарын ус “олборлож” байна.

АНУ-ын зарим мужууд ч бас усны хомсдлыг шийдэхийн тулд цэвэрлэх байгууламждаа усыг дээд зэргээр цэвэршүүлэх дамжлагуудыг нэмжээ. Энэ усыг шууд ууж болох нь нотлогдсон байна. Цэвэр усны эрлийн үзүүр бохир усанд байгаа. Өнөөдрийн угаадас ялгадас, маргаашийн нөөц баялаг хэмээн “Жорлонгоо өөрчилье” номондоо зохиогч Ц.Оюунгэрэл бичжээ. Бестселлер болсон уг номын борлуулалтын орлогоор тэрбээр улс орон даяар хийж байгаа “Жорлонгоо өөрчилье” сургалтаа санхүүжүүлдэг.

Энэ эмэгтэйн фэйсбүүктээ бичсэнийг харвал яагаад хүмүүст “загас барих арга” заах гэж цаг, хүч, мөнгөө зарцуулж буйн шалтгааныг олох вий. “Сайд байхдаа жорлонгоо өөрчлөх гэж үзээд бараагүйг минь гэрчлэх нэг ийм мэдээ байна. Жорлонгоо өөрчлөх ажил дан ганц захиргааны санаачилгаар бүтдэггүйг мэдээд хуульд оруулсан. Ганц хуулиар бүтдэггүйг ойлгоод, нийтийн боловсрол руу орсон билээ. Бүгд хамтдаа л өөрчилье” гэжээ.

Жорлон доторх агуулга нөөц баялаг гэдгийг ухуулж буй монгол эрдэмтэн ч байна. ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж монгол ахуйд тохирсон жорлонгийн эрэл хайгуул хийжээ. 430 мянган төгрөгт багтаан ус хэрэглэдэггүй, бордоо гаргадаг жорлон суурилуулж болно. Шанага усаар бохироо “гүйлгэчихдэг” жорлонг ч гэр хорооллын айлд тавьж туршсан гэнэ. Бохир ус цэвэрлэх технологийг Гацууртад туршсан. Боловсруулсан усыг нь уусан ч болно гэж Д.Басандорж доктор ярилаа. ШУТИС-ийн дэргэдэх үзүүлэнгийн өрөөнд энэ бүх технологиудтай танилцаарай. “Улаанбаатар хотын сая тонн лагийг бордоо болгох боломжтой. Үүгээр 80-90 тэрбум төгрөг олох бололцоо байна. Би саяхан энэ лагаас 4 тонн бордоо үйлдвэрлэж өгсөн. Энэ лагийг шатааж устгана гэж Засгийн газрын хуралдаанаар шийдсэн тухай мэдээ уншаад, зүрх өвдөөд өглөө босч чадаагүй” хэмээн “Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр тэр ярьсан юм. Д.Басандорж доктор “Жорлонгоос гарсан усыг буцаагаад ашиглах боломжтой технологи бий. Бохир бол нөөц баялаг. Хүн бүр гар утастай байдаг шиг айл бүр эко жорлонтой болох боломжтой” гэлээ.

“Жорлонгоо өөрчилье” номын зохиогч Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл сан” төрийн бус байгууллагын “Цэвэрч Монгол” төслийн хүрээнд хийж буй ээлжит сургалт Зуунмод хотод Нутгийн захиргааны ордон дахь Иргэний танхимд болсон юм. Энэ нь тэдний орон нутагт хийж байгаа арванхоёр дахь сургалт. Сургалтыг тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн, олны танил телевизийн сэтгүүлч Ц.Оюундарь удирдсан.

Зуунмод сумын Засаг даргын орлогч Г.Гантөгс “Манай Зуунмод суманд тулгамдсан асуудлыг мэдэрч, сургалт хийж байгаад баярлалаа. Агаар хөрсний бохирдол өнөөдөр тулгамдаж байна. Хөрс, агаарын бохирдолтой тэмцэх тухай аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан. Бид Эко тохилог хашаа төслийг 27 суманд хэрэгжүүлэхээр аймгийн төвөөс эхлүүлсэн. Эрүүл орчинд тохилог амьдрахын тулд энэ төслийн шугамаар 3700 өрхөд утаа бага гаргадаг зуух олгосон. Био жорлонг айлуудад нийлүүлэхээр төлөвлөж байна. Хаанаас яаж нийлүүлэх нь одоохондоо тодорхойгүй байгаа” гэж ярьсан юм.

ЖОРЛОНДОО НЭГ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ
ОРУУЛАХАД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРДАЛ 5 ДОЛЛАРААР ХЭМНЭГДЭНЭ

Сургагч багш Б.Цолмонбаяр “Жорлондоо нэг долларын хөрөнгө оруулахад эрүүл мэндийн зардал 5,5-8 доллараар хэмнэгдэнэ” хэмээн ДЭМБ тооцоолсоныг иш татлаа. Бие зассаны дараа гар угаах угаалтуур байршуулснаар халдвар авах эрсдлийг 30-50 хувь бууруулдаг гэнэ шүү.

Сургалтын чиглүүлэгч Ц.Оюундарь “Эмнэлэг шинээр барьж, эмийн сангууд найман нэрийн дэлгүүр шиг олширч, эмийг талх шиг худалдаж авцгааж байна. Үүний оронд жорлонгоо өөрчилмөөр байна. Бид үзэгдэлтэй биш өвчлөл бий болгоод байгаа үндэс суурьтай тэмцэх хэрэгтэй гэж хэлсэн юм. Энэтхэгт зургаан сарын турш бороо ордог. Үерийн үеэр жорлон халина. Борооны улиралд гэдсний халдварт өвчин тархана. Хамгийн том хохирогчид нь хүүхдүүд болдог. Энэтхэгт жорлонгийн өөрчлөлт хийнэ гэдэг хүүхдүүдийн амь насны төлөөх тэмцэл болсон гэж Ц.Оюунгэрэл ярилаа.

“Дэлхийн найман тэрбум хүн ус татдаг жорлонд бие засвал дэлхийн усны нөөц хүрэлцэхгүй” гэв. Дэлхийд хамгийн хурдацтай яваа нь өтгөн лагийн бизнес.

Хятад улс 30-40 сая хүн амтай хотууддаа хүнийхээ ялгадаснаас цахилгаан үйлдвэрлэж байгаа гэнэ. Энэтхэгт нарны зайгаар ажилладаг, зоосоор үйлчилдэг e-жорлон дэлгэрч байна.

АНУ-д усны оронд хөөсөөр хөөж ялгадсаа гадагшлуулдаг жорлонд орж үзсэн. Хүн орж ирэхэд мэдрээд, хөөс урсч эхэлдэг юм билээ гэж тэр хуучилсан юм.

Сургагч багш Б.Дашням мөн л тоо бодлоо. “Гэр хорооллын 1300 айлыг хамруулсан судалгаагаар санхүүгийн боломж муутай гэгддэг айлууд ч жорлондоо 650 мянган төгрөгийг оруулсан байна лээ. Жорлонгоо сайжруулахад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав нугалах хэмжээний зардал гаргана гэж тооцох нь үр дүнтэй” гэсэн л дээ.

Ц.Оюундарь “Нэг хүн, нэг хэсэг айл жорлонгоо өөрчилсөн ч танай гудамжинд жорлондоо мөнгө зарцуулж чадаагүй нэг айл үлдэхэд л таны уудаг ус бохирдсон хэвээр байна гэсэн үг. Нийтээрээ өөрчлөлт хийхийн тулд зохион байгуулалтад орох хэрэгтэй” гэсэн юм. Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан зохион байгуулалтад орсон түүх ч энэ танхимд яригдлаа.

ДУНДГОВЬ
АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ШИНЭЧЛЭЛ

“Сумаа шинэчилье” төсөл хэрэгжүүлж амжилтанд хүрсэн талаараа уг шинэчлэлийг гардагчдын нэг Э.Загдсүрэн ярьсан юм. Иргэд өдийг хүртэл жорлонгоо өөрчлөөгүйн шалтгаанаа мөнгө хүрэлцдэггүй, мэдээлэл байхгүй гэж тайлбарладаг. Харин “Сумаа шинэчилье” төслийнхөн зөвхөн доноруудаас төдийгүй иргэдээсээ мөнгө босгож чадсан тухай зуунмодчууд чих тавин сонссон.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн тэргүүтэй залуус сумаа өөрчлөх санаагаа Засаг даргад танилцуулж, иргэдээс дэмжлэг авахаар 2014 оны хоёрдугаар сарын 14-нд нутагтаа очжээ. Эхэндээ хэн ч тоосонгүй. Уулзалтанд хэдхэн хөгшид л иржээ. Сүүлдээ энэ бүхэн өвөө, эмээ нарын ярианы сэдэв болов. “Бүрнээ, танай хашааг бульдозероор түрэх юм шиг байна лээ шүү” гэсэн цуу тархлаа. Гурван сарын турш амралтын өдрүүдээр тасралтгүй очиж уулзалт хийсний эцэст Сумын соёлын төвд хүмүүс багтахаа байсан гэнэ. “Шинэчлэлийн ажлын 70 хувь нь сумынхаа бүх хүний саналыг авч, сумын ерөнхий төлөвлөгөөг гаргах байлаа. Дараа нь бүх зүйлийг хурдтай хийж болдог юм билээ” гэж Р.Эрдэнэбүрэн хэлсэн удаатай. Сумынхан өөрсдийн хөрөнгөөрөө жижиг дунд үйлдвэрийн цогцолбор, соёл спорт чөлөөт цагийн төв, хими цэвэрлэгээ зэргийг босгожээ. Гол гудамжуудаа хатуу хучилттай замтай болгож, гэрэлтүүлэгтэй, явган хүний замтай, замын хажуугаар ногоон байгууламжтай болгох бүх төлөвлөгөөг иргэдийн оролцоотой хийж хэрэгжүүлжээ. Гурвансайхан сумынхан бүгд хашаагаараа ижилссэн. Сум цэвэрлэх байгууламжтай, нийтээрээ төвлөрсөн шугамд холбогдох боломжтой болсон тул иргэд нь байгууллага, аж ахуйн нэгжүүдээ “Жорлонгоо соль” хэмээн шаардах болжээ.

Шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд 4, 5 тэрбум төгрөг хэрэгтэй байв. Харин сумын иргэд нутгаа хөгжүүлэхэд 300 сая төгрөг хандивласан гэнэ. Иргэдийн хүчин чармайлт талаар болсонгүй. Донор байгууллагуудаас ч хэрэгцээтэй мөнгөө босгож чаджээ. “Мөрөөдлийн төсөл маань хоёрдугаар шатандаа орсон. Бүх айлууд руугаа цэвэр, бохирын шугам оруулахаар төлөвлөж байгаа. Бүтээн байгуулалт хийх амархан, хөрөнгө босгох хялбар. Хүмүүсийнхээ сэтгэлгээг өөрчлөхөд л хамгийн их цаг зарцуулсан” гэж Э.Загдсүрэн хэлсэн юм даа.

Доктор Л.Оюун: Олсоноо зарцуулаад, үлдсэнийг нь хадгална гэвэл үлгэрийн далай болно

МУИС-ийн багш, доктор Л.Оюун “Жорлонгоо өөрчилье” сургалтын багт багтаж, мөнгөө хэрхэн хэмнэх талаар иргэдэд зөвлөсөн нь олны талархал хүлээв. Бидэнд нэг асуудал бий. Мөнгө байхгүй гээд суугаад байдаг. Яаж мөнгөтэй болох вэ? Манайхан орлогоо зарцуулаад, үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ?

Харин үүний оронд орлогынхоо тодорхой хувийг хадгалаад, үлдсэнийг нь хэрэглэх зарчим хэрэгжүүлье. Ихэнхи хүмүүс орлого орж ирэхээр юу авах вэ гэж боддог. Үүний оронд олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад, үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно. Өнөөдрөөс өрхийн орлого зарлагаа бичээд яв” гэж Л.Оюун багш зөвлөсөн шүү. Орлого зарлагаа бичих нь юунд хэдийг зарж байгаагаа хянаж, илүү хэрэглээгээ хазаарлахад тус болно.

ГЭР
ХОРООЛЛЫНХОН ГУДАМЖААРАА НЭГДЭЖ, БОХИРЫН АСУУДЛАА ШИЙДЖЭЭ

Жорлонгоор яаж бизнес хийх вэ гэдэгт Атморынхон хариулт өглөө. Монголд хамгийн анх жорлонгийн бизнес хийсэн тус компани 15 жилийг үджээ. Жорлон гэдэг үгнээс зарим хүн цэрвэдэг ч “Жорлонгоо өөрчилье” хэмээн зоригтойгоор хэлж байгаа “Нутгийн шийдэл” сангийнхан шууд утгаараа жорлонгийн хувьсгал хийж байна хэмээн Атмор компанийн маркетингийн менежер С.Цэнгүүн хэллээ. Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” хэмээн ном бичиж, сургалт хийж байгааг мэдээд, түүнд хандаж, сургалтанд нэгдсэн гэнэ.

Монголын баячууд уулын аманд гоё хаус барьсан ч нүхэн жорлонтойгоо байхыг хараад 2003 онд компаниа байгуулжээ. 2016 онд бохирын танкны MNS EN 12556 стандарт гарчээ. Бохирыг цэвэршүүлж, хатуу лаг хэсгийг тунгааж, шингэн хэсгийг нь хөрсөнд шингээдэг септик систем хамгийн үр дүнтэй гэж тэд үзэж байна. Тэд урьд нь бетон, төмөр бохирын танк тавьж байжээ. Одоо бол Монгол Улсын стандартад нийцсэн 2,5 см зузаантай маш бат бөх хуванцар септик танк санал болгож байгаа гэнэ. Танк нь 1-10 тоннын багтаамжтай юм билээ.

Бидэнд нөөц бололцоо байгаа учраас заавал төр засгийг харж суух шаардлагагүй. ХААН банктай хамтраад 1,4 хувийн хүүтэй, 15 сая төгрөгөөс дээш хэмжээний уян хатан нөхцөлтэй ногоон зээл хэрэгжүүлж байгаа гэлээ. Энэ хэмжээний мөнгөөр халаалт, цэвэр ус, бохирын системээ цогцоор нь шийдэх боломжтой ажээ.

Гудамжаараа нэгдэж, дундаа нэг септик танк тавья гэдэг. Нэг айл нь шалны алчуураараа бөглөөд хаячихдаг. Айл бүр тусдаа септик танктай байя. Гудамжаараа шийдвэл үнэ хямд тусна гэж С.Цэнгүүн ярьсан юм. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт гэр хорооллын өрхүүд гудамжаараа зохион байгуулалтад орж, “Шинэ хороолол” төслийн хүрээнд бохирын асуудлаа шийджээ.

Ц.Оюундарь ”Улс төрчид хамгийн амарханаар нь орон сууцжуулаад агаар, хөрсний бохирдлыг шийдчихнэ гэдэг. Жорлонгийн хувьсгал Европт ч өрнөж байна. Тэд ус хэрэглэдэггүй хуурай жорлонд шилжиж байгаа. 1997 онд Швейцарид Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцохоор явахдаа Белгийн нийслэлд буусан юм. Тэнд орон сууцны хорооллууд нь эзгүйрчихсэн ажлаар яваа хүмүүст хямдхан түрээслэж байлаа. Улс орон хөгжиж, иргэд нь баяжаад ирэхээрээ нийтийн орон сууцанд амьдрахыг хүсдэггүй. Өөрийн гэсэн хаусыг илүүд үздэг юм байна. Нийтийн орон сууц бол шийдэл биш шүү. Та бүхэн өөрийн газар дээрээ хашаа, байшиндаа тохилог сайхан орчин бүрдүүлээрэй” гэв. Жорлонг хэний мөнгөөр барих вэ хэмээн Ц.Оюунгэрэл асуулаа. Манай хашаанд байгаа жорлонд та нар хөрөнгө оруулахгүй. Хэн нэгний жорлонд өөр хүн мөнгө өгөхгүй. Хамгийн баталгаатай хөрөнгө оруулагчид бол бид өөрсдөө. Хөрөнгө оруулагч шаардлага тавьдаг. Уул уурхайн хөрөнгө оруулагчид Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулдаг шүү дээ. Нэгэнт та байшиндаа, хашаандаа жорлондоо хөрөнгө оруулсан бол энэ газраас таныг хөөхгүй байх, бизнес, газрын зөвшөөрөл тогтвортой байх шаардлагатай болно. Иргэн бүрийн оролцоотойгоор санхүүжилт босгох учиртай. Хэн хэдэн төгрөг оруулж чадахыг айл тус бүрээр нэг бүрчлэн тооцох ёстой болно. Дараа нь нөлөөллийн схем гаргана. Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, ИТХ, ИНХ-д нөлөөлөх баг ажиллана. Үүний дараа хөнгөлөлт авах тухай яригдана. Гудамжаараа, баг хороогоороо, сум орон нутгаараа нэгдэх тусам том зах зээл болж илүү нөлөөтэй, хөнгөлөлт авах боломж бүрдэнэ.

Жорлон цэвэрлэх, султгах үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн нийлүүлэгч хэрэгтэй болно. Ариун цэврийн үйлчилгээний тариф хямд биш бол хүн болгон авч дийлэхгүй, хүртээмжтэй байж чадахгүй. Тийм учраас төрийн оролцоо хэрэгтэй болно. Жорлонгийн бизнес томрох боломжтой, хүртээмжтэй, харьцангуй хямд байх ёстой. Уран сэтгэмж, инноваци хэрэгтэй. Сүүлийн үед жорлонгийн бизнест залуус орж ирэх болсон. Тэд хүний ялгадаснаас био нүүрс, бордоо, эрчим хүч гаргаж авч байна. Хийлдэг септик танк бүтээсэн хоёр залуу патент авчихсан малын баасыг хүнийхтэй нийлүүлээд боловсруулж, хий гаргаж авч байна. Хийлдэг септик нь “Амьжиргаа цагаан” дээр ачаад явчихаар авсаархан. Монголд нэгийг авмаар байна гэсэн чинь “Ойрын таван жилд үйлдвэрээс гарах бүх бүтээгдэхүүнийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд авах захиалга өгчихсөн” гэсэн. Цэргүүдийн ялгадсыг хий үйлдвэрлэхэд ашиглах юм байна.

Бизнесийнхэн удирддаг “Жорлонгийн зөвлөхүүдийн эвсэл” (Toilet Board Coali­tion-www.toiletboard.org) гэдэг байгууллага бий. Энэ эвсэлд олон компани нэгдэж, ариун цэврийн бизнест хөл тавихаар шийдсэн зоригтнуудыг сургалт мэдээлэл, хөрөнгө оруулалтаар дэмждэг. Тэдэнд хандахын тулд та жорлонгийн бизнес эрхэлдэг бас англи хэлтэй байхад хангалттай гэж Ц.Оюунгэрэл зөвлөсөн шүү.

Сургалтын төгсгөлд иргэд цаашдын төлөвлөгөөгөө бүлгээрээ хэлэлцдэг. “Гудамж гудамжаараа хамтарч, бүлэг хоршоо байгуулаад, янз бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж жорлонгоо өөрчлөх санхүүжилтээ босгож болно” хэмээн сургалтанд оролцсон Ц.Хүүхнээ ярилаа. “Урьд нь хүн бүр амиа хичээгээд явдаг байсан бол хамтарч ажиллахгүй бол амжилтанд хүрэхгүй гэдгийг одоо л хүмүүс ойлгож эхэлж байна” гэж тэр хэлсэн.

“Манзуширын хийдийн орчин бохир байна. Энэ сургалтанд суусан хүмүүс баг болж, Манзуширт жишиг жорлон байгуулья” хэмээн нэг залуу хэлэх сонсогдоно…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнэт зүйл, шударга ёс, сайн сайхны тухай яриа

Нээлттэй нийгэм форум, Хүний эрхийн үндэсний комиссоос хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” уламжлалт арга хэмжээнд оролцож, Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Хувийн үнэт зүйлс”-ийн тухай ярихыг сонсч, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан “Иргэний нийгэм ба үнэт зүйлс” сэдвээр илтгэхийг сонссон юм. Сонссон дуулсанаа уншигч тантай хуваалцаж байна.

Х.НАРАНЖАРГАЛ: ХУВИЙН ҮНЭТ ЗҮЙЛС

Үнэт зүйлийн тухай ярихын тулд хэрэгцээний тухай ярья. Хоол хүнс, хувцас хунар, өлсөхгүй даарахгүй байх анхдагч хэрэгцээнээс гадна хүн амьд байгаа л бол харилцаанд ордог. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ хүнд бий. Бүтээлч байхын хэрээр хүний амьдралд хувиралт гарна. Эхний гурван хэрэгцээ айдаст хөтлөгддөг. Хяналтаа алдах вий, хүчирхийлэлд өртөх вий, азгүйтэх вий, буруудах вий гэж хүн эмээдэг. Эмзэглэл тухайн зүйлээс татгалзахад хүргэнэ.

Сайхан амьдрахын тулд өлсөхгүй, даарахгүй, эрүүл байх, орчин аюулгүй байх анхан шатны хэрэгцээнээс гадна гэр бүл эд хөрөнгөтэй байх, найрсан зохицох хэрэгцээ бий. Зөвхөн эд хөрөнгөтэй болоод хүн аз жаргалтай болохгүй. Найрсан зохицоход учир байна.

Оросын дипломатч, түүхч, аялагч Иван Михайлович Майский 1918 онд “Монголчууд энэ ертөнцийн хамгийн сониуч хүмүүс. Яагаад гэвэл тэд “Сонин юу байна” гэж мэндэлдэг хэмээн бичжээ. Тухайн үед монгол эрчүүд гол мэдээлэл дамжуулагчид байв. Айлд бууж, сонин сонсоод,түүнийгээ дараагийн айлд хүргэхээр морддог.

Хувийн үнэт зүйлс гэдэг чамд хамгийн чухал зүйлсийн ерөнхий илэрхийлэл

Үнэт зүйл гэхээр ямар нэг зүйлийн үнэ цэнэ. Үүнийг хамгийн энгийнээр дуртай, дургүй зүйлсийн дэс дараалал гэж болно. Амьдралдаа эрхэмлэх зүйлс, тэдгээрийн ач холбогдлын ангилал юм шүү дээ.

Хүний хамгийн сайн чаддаг зүйл яриа. Санаа бодол мэдрэмж, итгэл үнэмшил, дадлага туршлага, санаа зорилго, үнэт зүйл.

Бид өөрсдийгөө санаа зорилгоороо дүгнэдэг ч бусдыг биеэ авч яваа байдлаар нь дүгнэдэг.

Сайн сайхан гэж юу вэ?

“Хүн бүр өчүүхэн ч гэсэн оюун ухааныг хүсдэг” гэж Далай лам хэлсэн. Хүн бүхэн ухаантай харагдахыг хүсдэг, тэнэг харагдахыг хүсдэг хүн үгүй. Хүн бүрт ачаа бий. Өөрийн ачааг хөнгөлөхгүй байж, бусдын ачаа руу өнгийж “Хөөх, эдний нөхөр нь хүчирхийлэгч юм аа” гэдэг. Үүний оронд хүн өөртэйгээ байнга ярилцаж байх хэрэгтэй.

Өөртөө хэр асуулт тавьж байна. Амьдралын чанар асуулт хариултын чанараас хамаардаг. Хүн бусадтай бас өөртэйгээ байнга зөрчилддөг.

Зөрчил амьдралын хуулиас гарч байна. Зөрчил саарал зүйл учраас тэнцвэржүүлэх ёстой.

Амьдралын хууль гоо сайхны хууль. Оросын Дум АНУ-ын хүчирхийлэлтэй киног хориглох тухай хэлэлцсэн. “Хүчирхийлэл, цус, нөж гарч байна” гээд. Гэтэл нэг нь “Тэгвэл Чапаев яах вэ гэсэн чинь “Чапаев бол өөр” гэж хариулжээ. Сайн муу, сайхан муухайгийн тухай ойлголт өөр.

Айлд жигтэйхэн цэмцгэр, сайхан шинэ бэр орж ирвэл хадам ээжид бөөн зовлон болно. Салан задгай бол бас л зовлон.

Аристотель Ёс суртахууны тухай гурван ном бичсэн. Б.Даш-Ёндон гуайн орчуулсан “Дээд ёс суртахуун” гэж номыг заавал уншаарай.

Аристотель “Сэтгэл санаанд сайн үйл, бие эрхтэнд эрүүл мэнд, гоо сайхан. Энэ хоёрын дараа эрх мэдэл, ямба хүндлэл байдаг. Хамгийн дээд нь сэтгэл санаанд байдаг. Сэтгэл санаа биднийг тэтгэж, цэнэглэдэг. Ухаалаг сэтгэлгээ, сайн үйл бол цэнгэл баясал юм” гэжээ. Цэнгэл баясал гэдэг зугаа цэнгэл биш шүү.

Ямар нэг зорилго байвал үүнд заавал нэг сайн сайхан зүйл байдаг. Төгөлдөржсөн зорилго бол дээд сайн сайхан.

Дотроосоо гэрэл цацруулах

Үнэт зүйл хүүхэд байхаас бүрэлддэг. Хожим ухамсартайгаар эргэцүүлж үзвэл өөрчлөгддөг. Үнэт зүйл бол амьдралын удирдамж юм. Үнэт зүйл эрүүл мэнд, гэр бүл, хайр сэтгэл, бүтээлч байх, үнэн, ёс журам.

Зарим ээж хүүхдүүдээ буруу тийш нь удирдах юм. “Гудамжнаас юм оллоо” гэхээр “Овоо доо, сэргэлэн хүүхэд шүү” гэж болохгүй. Би бол хоёр хүүгээ юм оллоо гээд ирэхэд нь “Байсан газар нь буцаагаад тавьчих. Гээсэн хүн нь олоод хэчнээн их баярлах вэ” гэдэг байсан.

Олонд танигдаж, алдаршихын өвчин туссан хүмүүс их байна. Фэйсбүүкээр “Ядуу хүнд хоол өглөө. Би өгсөн шүү энийг” гээд бичээд байдаг. Сайн үйл хийсэн бол заавал олонд зарлах хэрэгтэй юу?

Аристотель “Онгироо сагсуу хүн олны танил болохоороо өөрийгөө алдаршиж байна гэж боддог. Даруу хүн бол хүлээн зөвшөөрөгдөж байна” гэж боддог гэжээ.

Дарга шүтдэг үзэл хаа сайгүй. “Ээж нь даргадаа загнуулна” гэж хүүхдээ айлгадаг. Хүүхэд дарга гэж бүх хүнийг айлгадаг мундаг хүн юм байна гэсэн ойлголттой үлддэг. Дарга гэж бүхнийг дээрээс хардаг мундаг хүн гэнэ.

Гэтэл удирдагч бол үйлчлэгч юм. Удирдагч өөрт нь итгэл хүлээлгэсэн хүмүүсийн өмнөөс шийдвэр гаргадаг.

Өнөөдрийн манай нийгэм ёс суртахууны доройтолд орсон. Өнгөрсөн сонгуулиар нэг залуу “Би гэрээ заслаа, одоо төрөө засна” гээд байсан. Манай гэрт дутуу юм байхгүй учраас би одоо төрдөө зүтгэнэ гэж ойлгоод байдаг. Эрхэмлэж байгаа үнэт зүйлд шударга ёс байна уу?

“Үнэхээр шударга журамт хүн өөрөөсөө илүүд гэр бүлээ, гэр бүлээсээ илүүд улс орноо, улс орноос илүү хүн төрөлхтнийг дээгүүр тавьдаг” гэж Жан Лерон Д.Аламбер хэлжээ.

Аристотоель “Шударга ёс бол тэгш байдал” гэсэн. Энэ бол хэн нэгэн давуу эрх эдлэхгүй л гэсэн үг.

Машинтай хүн явган зорчигч хоёрын хэн нь давуу эрхтэй вэ?

Олон хүн “Явган зорчигч” гэж хариулдаг. Жолоо барьж яваа цөөхөн хүн явган зорчигчийг хүндэтгэдэг. Би бол машинтай хүн давуу эрхтэй л гэж хэлнэ. Явган зорчигчид машин байхгүй. Явган хүний замгүй, зөвхөн машин явдаг замтай газрууд ч бий. Тэр зам дээр явган зорчигч, машинтай зэрэгцэж явах болдог. Хараагүй хүнд чиг заадаг шар зам хамгийн их халтиргаатай байх жишээтэй.

Хэнийг ч ялгахгүй, давуу эрх эдлүүлэхгүй байх нь шударга ёс.

Гэтэл “Дөрвөд хүн хүн биш” гэх мэт үг байдаг. Ц.Нямдоржийг ярихаар “Орчуулагч хэрэгтэй байна” гэж УИХ-ын дарга нь хэлж байсан.

Кант “Шударга ёс бол хүн бүрийн дотор оршдог мэдрэмж юм. Энэ бол зан суртахууны хууль юм” гэсэн.

Вадим Бережной “Жудаг бол бидний хувьд эхний бөгөөд салшгүй хууль билээ” гэжээ.

Харин Гёте “Шударга ёсыг уландаа гишгэвэл бүх үнэт зүйл алга болно” гэсэн байна даа.

Б.БОЛОРСАЙХАН: ИРГЭНИЙ НИЙГЭМ БА ҮНЭТ ЗҮЙЛС

Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Б.Болорсайхан “Иргэний нийгэм ба үнэт зүйлс” сэдвээр илтгэсэн юм.

Үндсэн хуулийн үзэл баримтлалыг улстөрчид, хуульчид өөрийнхөөрөө тайлбарладаг ч цаана нь байгаа үнэт зүйлсийг анзаардаггүй.

Жон Локк 1689 онд “Хүн амьдрах, эрх чөлөөтэй байх,(сонголт хийх),

өмчтэй байх эрхийн тухай ярьсан нь сэргэн мандалтын үеийн сэтгэгчдийн дунд том эргэлт болсон. Өмнө нь бурхны заасан замаар явах тухай л ярьцгаадаг байсан.

Үүний дараа Томас Жефферсон 1776 онд “Хүн амьдрах, (Аз жаргалынхаа төлөө зүтгэх, одоогийн түвшнээ сайжруулах, эцэг эхийнхээ амьдарч байснаас сайжруулах) эрх чөлөөтэй байх, аз жаргалынхаа төлөө зүтгэх, өнөөдөр байгаа нөхцлөө өөрийнхөө хичээл зүтгэлээр сайжруулах.

Цэцэглэн мандах, өсч дэвжих, амгалан сайхан амьдрах тухай санаа дэвшүүлсэн.

Франклин Рузвельт 1941 онд “Айдсаас ангид байх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөө, шүтэн бишрэх эрх чөлөө, гачигдлаас ангижрах эрх чөлөө”-ний тухай ярьсан. Тухайн улсад энэ долоон үндсэн эрх хэр бодитой, хүний амьдралд илрэлээ олж байна гэдгийг хардаг.

Төрийн үүрэг бол иргэнийхээ аюулгүй байдлыг хангах. Ямар ч төрөөс асууж, анхааруулж байх зүйл бол иргэний аюулгүй, амар амгалан сайн сайхан байдал, хүний эрх, энх тайван, хөгжил дэвшил тухайн улсад байна уу гэдэг билээ.

Дэлхийн хоёрдугаар дайн дууссны дараа НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсан.

Энд хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн, жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх, эрх чөлөөтэй, айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзжээ.

Энэ бол Нэгдсэн үндэстний байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршил хэсэгт байдаг үгс.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн арванесдүгээр зүйлд:

Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцана хэмээн бий.

Монгол Улсын Үндсэн хуульд

Монголын ард түмэн бид

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээжээ.

Хүмүүнлэг иргэний нийгэм гэдэг нь хүнээ дээдэлсэн нийгэм болох тухай аль 1993 онд тайлбарлаж байжээ.

Д.Дашцэдэн (Эх сурвалж: Монгол Улсын Хууль зүйн яам, Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёоны дагалга 1993 он) бичихдээ:

“Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдэг нь хүний тухай асуудлыг бүхнээс түрүүнд тавьж, түүний эрх, эрх чөлөөг, бүрэн утгаар нь эдлүүлэн хангах зорилго бүхий өргөн ардчилсан байгууламж бүхий нийгэм юм” гэжээ.

Төр, зах зээл, гэр бүл иргэний нийгмийн орон зайд халдахааргүй орших ёстой.

Иргэний нийгэм үнэт зүйлээрээ ялгардаг.

Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулиар иргэний нийгмийнхэн аль нэг улс төрийн хүчнийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээж байсан нь шударга уу?

Ирээдүйд төр, хувийн хэвшил иргэний нийгмийн орон зайг хуваалцах төлөв бий. Төрд албадлага, зах зээлд мөнгө, иргэний нийгэмд эрх чөлөө бий.

Хүн үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй. Бидний ажиллаж байгаа орон зай үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илрэл.

Хүмүүс ашиг сонирхлоороо нэгдсэн бүлэг иргэний нийгэм байх боломжтой.Гэмт хэрэг, хүний эрхэд халдахаас бусдыг иргэний нийгэм гэж ойлгож болно.

“Цаазын ял хүүхэд хүчиндсэн хүмүүст яг зохино” гэж хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээр нь хүн бүхэн мэдэх эмэгтэй фэйсбүүктээ бичиж байсан.

Цаазаар авах ял хүний эрхэм чанарыг үгүйсгэсэн үйлдэл.

Хүний эрхийн төрийн бус байгууллагын нэрийг авч яваа хүмүүс хүчирхийллийн бус аргаар, хууль ёсны дагуу, бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэж, ёс зүйтэй байх учиртай.

Гэтэл хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжиж байсан нэгэн хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатааж байсан. Хүчирхийллийн бус аргаар бид тэмцэх ёстой. Ямар ч тохиолдолд хүчирхийлэлд битгий өдөөн турхираач.

Багш нарын түр хорооны зарим төлөөлөгч “Сүхбаатарын талбайд зулын гол болно” гэсэн. Багш хүн шавьдаа ямагт зөвийг харуулах үүрэг хүлээсэн хүн шүү дээ.

Иргэний нийгэм үнэт зүйлээ бусдад дамжуулах замаар тэлэх учиртай.

Ардчилал гэдгийн цаана хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм гэж ойлгоно.

Categories
мэдээ цаг-үе

Хан-Уул дүүргийн иргэд хашаандаа сайхан амьдрахыг хүсч байна

“Жорлонгоо өөрчилье” сургалтад нээлтийн үг хэлэхээр ирсэн мисс Ц.Энхжин содон зочин байлаа. “Жорлонгоо өөрчилье” номын зохиогч, “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл улсын хэмжээнд жорлонгоо өөрчлөх шинэчлэлийг манлайлах 3000 идэвхитэн бэлтгэхээр зорьжээ. Нийслэлийн дүүргүүдэд хийж байгаа арав дахь сургалт нь УИХ-ын гишүүн Л.Болдын урилгаар Биокомбинатийн ойролцоо Сонгинохайрхан уулын бэлд оршдог “Монголика” зочид буудалд болсон юм. Сургалтанд Хан-Уул дүүргийн таваас наймдугаар хорооны иргэд оролцлоо. Сургалтанд оролцогчид мисстэй зургаа авахуулж, сонирхон харцгаана.

Ц.Энхжин 2017 оны дэлхийн миссийн тэмцээнд Монголоо төлөөлж оролцон, хөрсний бохирдлыг бууруулах, жорлонгоо өөрчлөх сэдвийг хөндөн “Зорилготой мисс” өргөмжлөл хүртсэн юм.

-Жорлонгоо өөрчлөх ажилд залуусаа оролцохыг уриалахаар би энд ирсэн юм. Дэлхийн миссийн тэмцээнд хөрсний бохирдлоос сэргийлэхэд хувь нэмрээ оруулах төслөөрөө шилдэг 20-д багтсан. Шилдэг 20-д багтсан төслүүдийг Дэлхийн миссийн холбооноос дэмжиж ажилладаг юм билээ. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар тулгамдаж байгаа асуудал учраас хөрсний бохирдлоос хамгаалах ажлыг чухалчилж хүлээж авсан хэмээн тэрбээр ярилаа.

-Жорлонгийн асуудал чухал гэдгийг яаж мэдэрсэн бэ хэмээн Ц.Энхжингээс асуухад:

-Би байгальд ойр өссөн. Ээж, аавтайгаа хөдөө нутгаар их аяладаг байлаа. Улаанбаатарын гэр хорооллынхон бөөн бохирдол дунд амьдарч байна. Агаарын бохирдол хүн бүрт мэдрэгдэж байгаа болохоор тэмцэх ёстойг ойлгодог. Харин хөрсний бохирдол тэр бүр хүмүүсийн нүдэнд харагдахгүй ч маш их аюул, эрсдлийг бий болгодог. Жил бүр дэлхий дээр маш олон хүүхэд зохистой бие засах газаргүйн улмаас элдэв халдвар, гэдэсний суулгалт өвчинд өртөж нас бардаг. Монголд ч ийм халдвар тойрдоггүй. Нийслэлчүүд гүний усаар ундаалдаг учраас хөрсний бохирдол бүгдэд хамаатай асуудал юм. Хөрсний бохирдлыг цаг алдалгүйгээр зогсоох хэрэгтэй гэж үзээд, жорлонгийн шинэчлэлд хувь нэмрээ оруулахыг хүссэн. Маш олон хүн энэ асуудлыг барьж авч, ажиллаж байгааг мэдээд энэ төслүүдийн нэг хэсэг болж өөрийн дуу хоолойг оруулахыг хичээж байна.

-“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл та хоёр яаж бие биенээ олов?

-Би хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг олон хүнтэй уулзаж зөвлөгөө авсан. Ц.Оюунгэрэл эгчээс зөвлөгөө авахаар хандахад найрсаг хүлээн авч, үүнийг уншаад ашиглаарай гээд номынхоо эхийг хүртэл өгч байсан. “Нутгийн шийдэл” сангийнхан намайг анхнаасаа дэмжсэн. Тэдэнтэй хамтарч “Жорлонгоо өөрчилье” санаачилгыг дэмжээд явж байна.

-Жорлонгоо өөрчлөх ямар боломж танд харагдаж байна вэ?

-Миний хувьд олон боломж харагдаж байгаа. “Жорлонгоо өөрчилье” сургалт чухал нөлөөтэй гэж бодож байна. Улаанбаатарын бүх дүүрэг, аймгуудад энэ сургалтыг хийснээр хүмүүст мэдлэг олгож, ямар шийдэл гарц байгааг мэдээд, хамт олон, айл хөршийнхөн, хот дүүрэг, орон нутагтаа шийдэх боломжтой. Миний хувьд Дэлхийн миссийн холбооноос дэмжлэг авахаар хичээж ажиллах болно гэв.

Ц.Оюунгэрэлийн тэргүүлсэн жорлонгийн өөрчлөлтийг түүчээлэгчдийн багт мисс Ц.Энхжингээс гадна сургалтыг чиглүүлэгч, олны танил телевизийн сэтгүүлч Ц.Оюундарь, ШУТИС-ийн профессор, доктор Д.Басандорж, Б.Насанбаяр, сургагч багш Б.Дашням, Н.Рэгдэнгарав, сургалтын зохион байгуулалтын ажлыг даадаг “Нутгийн шийдэл” сангийн гүйцэтгэх захирал Б.Номинзул, судлаач Б.Цолмонбаяр нарын олон хүн багтдаг юм билээ.

ИРГЭДТЭЙ ЗӨВШИЛЦӨӨГҮЙ ТОМ ТӨСЛҮҮД НУРАН УНАДАГ

Сургалтын явцад бүлгийн ажлын үеэр “Манай хорооны иргэд хашаандаа сайхан амьдрах сонирхолтой” гэсэн өгүүлбэр нэг бус хүний амнаас давтагдав. Энэ үгийг хэлсэн Ц.Жаргалсүрэн гуайгаас яагаад гэж лавласан юм.

Тэрбээр Хан-Уул дүүргийн V хороонд амьдардаг. 1966 оноос хойш тэндээ амьдарч байгаа гэнэ.

-Манай тэр хавийнхан байранд орох сонирхолгүй, хашаандаа амьдрах хүсэлтэй байдаг. Би газар шинэчлэлийн асуудлаар судалгаанд явж байсан л даа. Манай хороонд газраа өмчилж авсан айлууд цөөн. Газраа барьцаалж зээл авах боломжгүй болохоор хүмүүс өмчлөх сонирхолгүй. Үе удмаараа хашаандаа амьдарчихсан хүмүүс тэндээ хаус маягийн хоёр гурван, давхар байшин барихыг хүсдэг. Аав, ээж, ах дүүсээрээ тохилог орчинд амьдрахыг илүүд үздэг юм. Хашаандаа ногоо, жимс тариад, хүүхдүүд нь дуртай газраа тоглож, гүйх боломжтой. Хашаандаа тааваараа амьдрах хүсэлтэй. Газраа байраар солих уу, орчноо сайжруулах уу гэхээр хүмүүс орчноо сайжруулж, өөрийнхөө мөнгөнд тохируулж хаустай болох сонирхолтой байдаг. Манай монголчууд үр хүүхдээ гэдэг хүмүүс. Хоёр хүүхэдтэй хүн бол хэнд нь газар, хашаагаа өгөх билээ. Газрын үнэлгээ бага. Нэг айлын газар үсрээд л нэг өрөө байр болохоос гурван айлд тус бүрд нь нэг өрөө байр олдохгүй. Манайхан ах дүү, аав ээжтэйгээ нэг дор амьдрах дуртай. Хүүхдүүд нь ойрхон өснө, хөршийн холбоо бий болно. Насаараа ураг удмаараа нэг гудамжинд амьдрахаар хулгай зэлгий, хүчирхийлэл гарахгүй шүү дээ гэж Ц.Жаргалсүрэн хэмээх энэ эмэгтэй тайлбарласан.

Сургалтын чиглүүлэгчээр ажилласан сэтгүүлч Ц.Оюундарь “Жорлонгийн хувьсгал хамгийн эхлээд хүмүүсийн толгойд өрнөх учиртай. Хандлагаа өөрчилөхөд амьдрал өөрчилөгдөнө. Жорлонгоо өөрчилье гэхээр зарим шийдвэр гаргагчид орон сууцжуулчихаар жорлонгийн тухай ярих шаардлагагүй болно” гэдэг. Швейцарийн Цюрихт болсон олон улсын хурлын үеэр есөөс арванхоёр давхар орон сууцны хорооллууд нь хоосон, иргэд нь хаусандаа амьдарч байгааг харсан. Хөгжлийнхөө эхэн үед тэд ч бас бөөн орон сууц барьсан юм билээ. Харин хүн нийтийн орон сууцанд амьдрахаас илүү хувийн орон сууцандаа тааваараа амьдрахыг хүсдэг юм байна хэмээн тайлбарласан.

Сургагч багш нарын нэг Б.Дашням “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-т ажилладаг нэгэн. Тэрбээр 1999 оноос хойш гэр хорооллын орчин ахуйг яаж сайжруулах талаар суурь судалгааг хийж ирсэн туршлагатай.

Б.Дашням яагаад жорлонгоо шинэчлэгчдийн багт нэгдэх болсон шалтгаанаа ийнхүү хуучилсан юм.

-Иргэдтэйгээ тулж ажиллаж, зөвшилцсөн төсөл, хөтөлбөр амжилтанд хүрдэг. Дарга шийдсэн төсөл нурдаг. Хүний өмчлөх эрх рүү халдсан ажил явдаггүй. Хорин жил гадныхантай ажиллалаа. “Хотыг төлөвлөхдөө амьд организм гэж харах хэрэгтэй. Өргөн зам, өндөр байшин гэж төсөөлж болохгүй” гэж гадны зөвлөх хэлснийг мартдаггүй гэв.

Монголчуудын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц юу вэ гэсэн гадаадын зөвлөхийн асуултанд Б.Дашням “Гэр” гэж хариулсан удаатай. Монгол хүн бүр гэр худалдан авч чаддаг учраас түүний хариулт зөв байсан гэнэ.

Гэр хорооллын орчныг сайжруулахын тулд эхний ээлжинд гэрт крант хүргэж, крантнаасаа хүйтэн ч болов усаар гараа угааж, үнэргүй, аюулгүй жорлонд бие засдаг болчихвол дараагийн ээлжинд хотын ногоон байгууламж, зүлэг, модны тухай ярих боломжтой болох гэнэ.

Иргэдтэй зөвшилцөөгүй, иргэдийн орлого, амьжиргаанд нь тохирсон санал гаргахгүй бол ямар ч их мөнгө зарцуулсан төсөл цаасан дээр үлддэг гэж тэр хэлсэн.

Том ярихын оронд ялаагүй, үнэргүй жорлонд гэр хорооллын иргэд нь бие засдаг, хүйтэн ч гэсэн крантны усаар гараа угаачихдаг болвол манай хувьд том дэвшил шүү гэж тэр хэлсэн юм.

Ядаж 3000 хүн жорлонгоо хэрхэн өөрчлөх тухай мэдээлэл авч, 50 хувь нь зарчмыг нь ойлгочихвол болно гэлээ.

Тийм ч учраас Б.Дашням “Жорлон өөрчлөх, сайжруулахад анхаарах асуудлууд”-ын тухай ярихдаа “Гэр хорооллын иргэд болон хөдөөгийн иргэдийн дийлэнхи нь төлбөрийн чадвар сул тул аль болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэх жорлонгийн шийдэл санал болгох аль эсвэл түүнийг хамгийн ихдээ гурав нугарах хэмжээний хөрөнгө оруулалт шаардахаар хувилбарыг санал болгох”-ыг зөвлөв.

Нүхэн жорлонгийн зардал болж өгвөл 650-750 мянган төгрөгт багтвал сайжруулах боломжтой гэлээ. Иргэдийн төлбөрийн чадварт нийцээгүй бол ямар ч гоё жорлон, орон сууц байсан зарагдахгүй гэж тэр хэлсэн юм.

Хүний ялгадас био бүтэцтэй учраас хатчихвал тараагаад цацахад асуудалгүй. Жорлонгоо жилд хоёр удаа соруулахаар тооцож жижиг нүх ухвал соруулах зардал багасна. Соруулдаг жорлон сонгохдоо таны амьдардаг газар ийм үйлчилгээ байгаа эсэх, бүгд энэ үйлчилгээг сонговол цэвэрлэх байгууламжийн хүчин чадал хүрэлцэх эсэхийг тооцоорой. Ногоо, жимсээ борддог био бордоог хүнийх аль эсвэл амьтны гаралтай эсэхийг ялгахад хэцүү. Гаднаас авчирсан био бордоог хэрэглэчихээд, өөрсдийнхөө ялгадаснаас сэжиглэдэг нь сонин гэж тэр сануулсан шүү. Хашаандаа ногоо, жимс тарьдаг айлуудын хувьд бордоо “үйлдвэрлэдэг” жорлонг илүүд үзэж байна лээ. Шээсийг тусад нь ялгаж, цэвэршүүлэхийн тулд элс хайрга дэвсдэг. Намартаа хөглөрч хог болдог навчсыг шүүрдэж аваад дэвсчихвэл цэвэршүүлэх үйлчилгээ үзүүлдэг гэнэ.

Цэвдэгтэй хөрстэй айлууд мушгиа шахагчтай хуурайшуулдаг жорлонг таашааж байв. Тэднийг Ц.Оюундарь сэтгүүлч “Орчин нөхцлөө зөв үнэлж байна” хэмээн магтлаа. Туул голдоо ойрхон наймдугаар хорооныхон шидэт хайрцагтай жорлон гэх мэтээр иргэд газрын хөрс, төлбөрийн чадвар зэргээ бодолцон сонголт хийж байсан юм.

Дээр ярилцсан Ц.Жаргалсүрэн эгч ч мөн “Бид өнгөрсөн хугацаанд янз бүрийн жорлон судлаагүй биш судалсан. Бидний амьжиргааны түвшинд нийцсэн шийдэл хэрэгтэй” гэж байна лээ.

ИРГЭД ХОРШОО БАЙГУУЛАХ ЗАМААР ЖОРЛОНГОО САЙЖРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭВ

Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч хийдэг Л.Ганхуяг хэмээх эмэгтэй мөн “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнд нэгджээ. Тэрбээр иргэдийн бүлэг нөхөрлөл, хоршоо байгуулах замаар жорлонгоо сайжруулах боломжтойг зөвлөв.

-Жорлон өөрчлөхөд иргэд хөршүүд, гудамжаараа нэгдэж, дундаасаа хуримтлал үүсгэж, сар бүр тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулбал зорьсондоо хүрэхэд тус болно. Сар бүр 50 мянган төгрөг нийлүүллээ гэхэд хорин айлтай гудамж сард 900 мянган төгрөгийн хуримтлалтай болно. Хоёр айл нь санхүүгийн боломжгүй байлаа гэхэд хөдөлмөрөөрөө хоршоод, нүх ухах, жорлон барих гэх мэт ажлыг хийлцэж болно. Хавар болтол дөрван сая 500 мянган төгрөг хуримтлуулахад зарим үйлчилгээ, материалыг бөөндөөд авах боломжтой. Нэг айл нүх ухахад 70 мянган төгрөг байлаа гэхэд 20 айл жорлонгийн нүх ухуулбал 35 мянган төгрөг болгож хямдруулаач гэвэл газар шорооны ажил хийдэг компаниуд дуртай зөвшөөрнө. Улсын төсөв хүрэлцэхгүй бол иргэд нөхөрлөл хоршоо байгуулах замаар хөрөнгө хоршиж, өөрсдөө асуудлаа шийдэх боломжууд бий. Хамгийн гол нь иргэд нэгдээд шийдчихвэл гаргалгаа олдоно гэж Л.Ганхуяг хэлсэн шүү.

ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛӨХИЙН ТУЛД ИРГЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БОЛОХ УЧИРТАЙ

Ц.Оюунгэрэл нэг айл, нэг хэсэг айл жорлонгоо өөрчилсөн ч жорлонгоо өөрчилөхөд мөнгө гаргах боломжгүй хэсэг нь үлдчихвэл хөрс бохирдсоор байх болно. Тийм учраас айл бүхэн хүлээж авахаар технологийг сонгох учиртай. Хүн төлбөр хямд, хүртээмжтэй жорлонг хүлээж авдаг. Жорлонгоо өөрчилөхийг хүсч байгаа гэр хорооллын айлууд олуулаа хамтарч, зах зээл болж, зохион байгуулалтад орвол амжилтанд хүрнэ гэж зөвлөсөн. Бүгдээрээ соруулдаг жорлонтой бол соруулах үйлчилгээний бизнес хөгжнө. Мянган айлд жорлон барьж, үйлчилгээ үзүүлнэ гэвэл шинэ зах зээл бий болно. Иргэд жорлонгоо өөрчлөхийн тулд өөрсдөө хөрөнгө оруулагч болох учиртай. Холливудад кино хийхийн тулд мөнгө босгдог сонгодог арга эхний хөрөнгө оруулалтыг өөрөө гаргах байдаг. “Бүргэдчин охин” киног хийхийн тулд найруулагч Отто Белл Айшолпан охинтой нэг долларын гэрээ хийсэн. Ийнхүү хөрөнгө оруулагч болсноор кино хийхэд шаардлагатай дараагийн 300 000 доллараа босгох боломжтой болсон хэмээн тайлбарласан.

Хөрөнгө оруулагч төрд нөхцөл тулгах эрхтэй болно. Эхний зуун мянган төгрөгийг гаргасан бол үлдсэн 700 мянган төгрөгийг олохын тулд нөлөөллийн ажил хийх боломжтой. Дутаж байгаа мөнгөө хэнд нөлөөлж, хаанаас олох вэ гэдгээ төлөвлөнө. Мянган айлын жорлонг солих гэтэл үлдсэн 20 хувьд нь мөнгө хүрэхгүй бол хөнгөлөлт авахаар хөөцөлдөж болно. Ажиллах хүчин дээр ажилгүй залуусаа оролцуулъя. Материалын зардлаа хөнгөлүүлье гэж ярьж болно.

Дэлхийн “Жорлонгуудын зөвлөлүүдийн эвсэл” хэмээх байгууллагад олон компани нэгдэж, ариун цэврийн бизнест хөл тавихаар шийдсэн зоригтнуудыг урам зориг, сургалт мэдээлэл, хөрөнгө оруулалтаар дэмждэг тухай Ц.Оюунгэрэл ярьсан юм.

Учир нь дэлхий нийтээр жорлонгоо өөрчилж буй. Тэрбум гаруй хүнтэй Хятад, Энэтхэгт жорлонгийн хувьсгал өрнөж байгаа бол дэлхийн усны нөөц хомсдож байгаатай холбоотойгоор Европт ус бага хэрэглэдэг жорлонгийн технологийн өөрчлөлт хийж байгаа гэнэ.

Жорлонг хэн суллах вэ гэдэг асуудал дэлхий нийтэд байдаг учраас өтгөн лагийг султгадаг, цуглуулдаг, боловсруулдаг бизнес бий болжээ. Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулдаг Омни процессор Америкт Сиатл хотод бий болсон. Харин Аляскад айл өрхүүдийн жорлонгийн ялгадсыг боловсруулж, үржил шимгүй газрыг эмчилдэг био нүүрс гаргаж авсан тухай тэрбээр сонирхууллаа. Дэлхийд шинээр гарч байгаа жорлонгийн шинэ технологиудын тухай түүний бичсэн “Жорлонгоо өөрчилье” номоос дэлгэрэнгүй унших боломжтой. Африкийн Угандад жорлонгийн бизнесээс шинэхэн тэрбумтангууд төрж байгаа. Айлуудын жорлонг султгаж төлбөр авдаг, ялгадсыг боловсруулж бордоо үйлдвэрлэж түүнийгээ борлуулж ашиг олдог, боловсруулах явцад гарсан дулааныг хий болгож гал тогоондоо хэрэглэдэг, илүү гарсныг нь борлуулж ашиг олдог гэх мэтээр жорлонгийн бизнесийн үе шат болгонд мөнгө олох ашигтай бизнес гэдгийг тэр тайлбарласан юм.

.

БИО ХИЙ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ЖОРЛОНГ Ч МОНГОЛД ТУРШИЖ БАЙГАА ГЭНЭ

Доктор Д.Басандорж Монголд туршсан жорлонгийн шийдлүүдийг танилцуулсан юм. Тэрбээр амины орон сууцтай айлууд байшинтайгаа залган жорлонгийн тамбер барьж, дулаалан гадаа байгаа жорлонгоо гэрт оруулах боломжтой гэнэ. Финляндад суухад дулаан ялгаруулдаг жорлон “мэндэлсэн” нь хүйтэн уур амьсгалтай Монголд ч тохирох бололтой дог шүү. Био хий үйлдвэрлэдэг жорлонг ч эх орондоо нутагшуулахаар туршиж байгаа гэнэ. “Үхэр малтай айлуудад хэрэгтэй эд. Үхрийн баас, хоолны үлдэгдэл нэмэхгүй бол нэг айлаас гарч байгаа ялгадас шальтай биш” гэж мань доктор чамлав.

Хаягдал боловсруулдаг био технологи байдаг. Энэ технологиор, угаадас, угаалгын машинаас гарч байгаа ус, жорлонгоос гарч байгаа бохирыг бүгдийг нь нэгдсэн технологиор шийдэх нь тохиромжтой гэж үзсэн. Асуудлыг орчин үеийн технологиор цогцоор нь шийдье гэж үзэж байгаа. Шүршүүр, гар угаах угаалтуур зэргийг цогцоор нь нэг жижиг өрөөнд багтаасан шийдэл дизайн гаргаад үүнээс гарч байгаа усыг гадна талд нь цэвэрлэх байгууламж хийе гэсэн юм. Ийм байдлаар хөрсний бохирдлоос сэргийлэх цогц шийдэл нэвтрүүлье гэж тэр ярив. Энэ талаар түүнээс тодруулсан юм.

-Өрхийн хэрэглээний цэвэрлэх байгууламж барина гэсэн үг үү. Монголчууд ийм шийдлийг санал болгож байна уу, гадны технологиудыг ашиглаж байгаа юу?

-Дэлхий дээр бүхнийг шийддэг технологи гэж байхгүй. Гадаадын дэвшилтэт технологиудиас авахыг нь аваад, Монголын байгаль цаг уурын нөхцөлд тохируулж байна. Манай хэрэглэгчид өртөг зардал бага байхыг шаарддаг учраас төлбөрийн чадварт нь тохирсон энгийн шийдэл санал болгож байгаа юм. Энэ байгууламжид өтгөн шингэн бохирыг иддэг бичил биетэн үржүүлж, түүгээрээ дамжуулж цэвэршүүлдэг технологи шүү дээ.

-Та түрүүн хүний ялгадас, малын баас, хоолны үлдэгдлийг хольж боловсруулаад бордоо гаргах тухай яриад байсан уу?

-Бактериуд янз бүр. Зарим нь агаартай орчинд ажиллаж, бордоо гаргадаг. Агааргүй орчинд хий ялгаруулдаг бактериуд ч байна. Үүгээр халаалт дулааны асуудлаа шийдэх боломж бий. Хөдөөгийн малчин айлуудад ийм энгийн шийдэл тохиромжтой.

-Энэ чинь ямархуу янзтай төхөөрөмж байна?

-Бетоноор цутгасан агааргүй битүү орчин л байх ёстой.

-Монголын нөхцөлд өтгөн шингэн ялгадсыг боловсруулах, саарал усыг цэвэршүүлэх технологиуд ямар үнэтэй байх бол?

-60 мянгаас гурван сая төгрөгийн үнэтэй янз бүрийн шийдлүүд бий.

-Та айл бүр хашаандаа “Хөвсгөл нууртай болъё” гэж яриад байгаа. Энэ ямар учиртай вэ?

-Хөвсгөл нуурын ус шиг цэвэр болгодог технологи гэсэн үг. Нэг айлаас авахуулаад амралтын газар, аймгийн төвийн бохирын асуудлыг шийдэх боломжтой монголжсон технологи юм.

-Энэ чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид хэр олон бэ?

-Олон биш байх аа.

-Жорлонгоо өөрчилье гээд яриад эхлэхээр энэ чиглэлээр ажиллах сонирхолтой улсууд нэгдэж байгаа гэж ойлгосон. Монгол базальтынхантай хамтарч ажиллахаар ярилцаж байгаа гэсэн үү?

-Нийгмийн хариуцлагатай улсууд бий. Хөрс агаарын бохирдлоос салах гарц шийдэл олъё гээд Монголд тохирсон шийдэл эрж хайж байгаа хүмүүс байна. Энэ хүмүүс “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний нөлөөгөөр хоорондоо уулзаад хэлэлцээд, хамтарч ажиллах нь чухал.

Базальтийнхан жорлонгийн дулаалгын асуудлыг шийдэх боломжтой гэсэн. Монголын нөхцөлд жорлон хөлддөг учраас газар дор гүнзгий нүх ухах шаардлагатай болдог. Дулаалгын асуудлыг шийдвэл , гүнзгий ухах шаардлагагүй болж, зардал хэмнэх боломжтой гэв.

Хан-Уул дүүргийн наймдугаар хорооныхон “Манай хороонд инженерийн шугам сүлжээ орж ирсэн. 55 өрх ногоо тарьдаг. 15 иргэдийн бүлэгтэй. Дахин төлөвлөлтөд хамрагдсан. Гудамжууд цэгцтэй, сайжруулсан жорлонтой жишиг гудамж байгуулах боломжтой. Иргэд үүнээс санаа авна. АДРА-гийн төсөл хэрэгждэг, ногоо тарьдаг айлуудад өтгөн шингэн ялгадсаа бордоо болгох сургалт явдаг” гэх мэтээр давуу талаа тодорхойлсон. Харин сул тал нь Сонсголонгийн айлууд удаан хугацаагаар суурьшсан учраас нэг айл хашаандаа гурав, дөрвөн удаа жорлонгийн нүх ухчихсан, дахин нүх ухах газаргүй, хөрсний бохирдол ихтэй, иргэд жорлонгоо хэрхэн сайжруулахаа мэддэггүй, мөнгө санхүүжилтгүй гэх мэт асуудлууд байгаа гэв.

Сургалтыг чиглүүлэгч Ц.Оюундарь сул талаа хэрхэн давуу тал болгох тухай зөвлөсөн. “Эрүүл газар байхгүй гэдэг сул тал мөртлөө жорлонгоо өөрчлөх хэрэгтэй гэдгийг иргэд сайн ойлгож, хүлээж авна гэсэн үг. Нэг хашаанд гурван өрх шигүү амьдардаг гэсэн сул талыг давуу тал болгож харвал нэг шийдлээр гурван өрхийн асуудлыг шийдэж болно гэсэн үг, жорлонгоо шинэчлэх зардлыг гурван өрх хувааж төлөх боломжтой” гэх мэтээр тайлбарлаж байлаа.

Сургалтын эхэнд олон бэрхшээл тоочсон иргэд төгсгөлд нь жорлон бол зөвхөн асуудал бус нөөц баялаг,бизнес юм байна. Үлгэр жишээ эко жорлонгийн төсөл хэрэгжүүлнэ. Хөршүүдтэйгээ хамтарч хөрөнгө босгоод мушгиа шахагчтай хуурайшуулагч жорлон нэвтрүүлнэ, бордооны бизнес хийнэ, үртэс олдоц багатай учраас үнсээ жижиглэж савлаад зарна гэх мэт бизнес саналууд хэлсээр үлдлээ.

ЖС

Categories
мэдээ цаг-үе

Э.Сонинтогос: Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар” бүтээнэ

2016 онд ALIA-гийн
удирдах зөвлөлийн хурлыг Улаанбаатарт хийх үеэр Э.Сонинтогос захирал
Тайпэйн Соёл, урлагийн их сургуулийн ерөнхийлөгч Ян Чуй Вэн, Солонгосын
үндэсний их сургуулийн ерөнхийлөгч Бонгроул Кимд мөнгөн аяганы нутаг нутгийн
хийцийг танилцуулж байгаа нь.

СУИС-ийн захирал, доктор Э.Сонинтогостой ярилцлаа. Тэрбээр тавиад орны урлагийн 300 гаруй сургуулийг эгнээндээ нэгтгэдэг Европын Урлагийн Их, Дээд Сургуулиудын Холбооны Удирдах зөвлөл (ЕLIA)-ийн гишүүн. Мөн Азийн урлагийн их, дээд сургуулиудын холбоо (ALIA) санаачлагчдын нэг агаад дэд ерөнхийлөгч ажээ.

-Европын Урлагийн их, дээд сургуулиудийн Удирдах зөвлөлд монгол хүн байдаг гэхээр сонирхолтой санагдлаа. Дэлхийн урлаг, соёлын боловсролын томчууд цуглахаараа юу ярьдаг бол. Бусадтай харьцуулахад танай сургууль яажшуухан харагддаг вэ?

-Манайхыг сул талаа мэддэг, хөгжих бодлогоо зөв тодорхойлсон, эрч хүчтэй сургууль гэж тэд үнэлдэг. Манай соёл, урлагийн боловсролын үндэс суурь нь дорнын гэхээсээ өрнийнх шүү дээ. Манай сургууль Оросын соёл, урлагийн их сургуулиудын жишгээр байгуулагдсан. Сургалтын хөтөлбөрүүд маань ч өрнийн талыг барьдаг учраас Европтой хамтарч ажиллах нь чухал. Соёл ба урлагийн чиглэлийн төрийн өмчийн их сургууль Монголд ганцхан. Тиймээс бид Монголынхоо их, дээд сургуулиудын зэрэгцээ гадны соёл, урлагийн сургуулиудыг сайн судалсан. Ингээд 2013 онд ELIA-гийн гишүүн болсон. Европын их дээд сургуулиудын холбоо бол багшийн боловсрол, оюутнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, сайн туршлагыг түгээхэд илүү анхаардаг. Багш нарт зориулсан ELIA академи, оюутны фестивал, манлайлагчдын чуулганыг тогтмол зохион байгуулдаг. Дэлхийн хамгийн бүтээлч хүмүүс ирж лекц уншдаг. Урлагийн сургуулиудыг магадлан итгэмжлэх шинжээчийн сургалтад нь манайх ч хоёр хүнээ сургасан. ELIA академид манай арван багш суралцсан.

ELIA-гийн Удирдах зөвлөлийн гишүүдийн 25 нь Европынх, Азиас хоёр төлөөлөл сонгогддог юм л даа. Азийн хоёр гишүүний нэг нь би. ELIA –гийн жишгээр солонгос, тайван японы их сургуулиудтай хамтраад Азийн урлагийн их дээд сургуулиудын холбоог байгуулсан. Энэ холбоонд маань Азийн 20 орчим орны 32 соёл, урлагийн сургуулиуд нэгдээд байна.

ALIA сургууль хоорондын хамтын ажиллагаанд илүү анхаардаг. Жишээ нь Солонгосын K art буюу Солонгосын үндэсний их сургуультай хамтраад мультмедиа чиглэлээр сүүлийн гурван жилд “Мөрөөдлийн төсөл” хэрэгжүүлж, оюутнууд хамтын бүтээл хийсэн. Багш нар маань байнга ирж очдог. Манай бүжгийн багш Тайваньд нэг улирал ажиллахаар явсан. Удахгүй Японоос хоёр багш ирнэ гэх жишээтэй.

-Социализмын үед урлаг үзэл суртлын зэвсэг байсан. Харин орчин үед урлагийн зорилго ямар болсон бэ?

-Сэтгэлгээний эрх чөлөө, бүтээлч эрэл, хайгуулыг илүү илэрхийлдэг болсон. Техник, технологийн хөгжлийг өндөр түвшинд ашигладаг. Бас урлагийн олон салбар хорших хандлага түгээмэл. Урлаг бол мөнхийн эрэл хайгуул, хөдөлгөөн юм л даа. Энэ утгаараа сургалтын агуулгад ч өөрчлөлт орсон. Бас эртний мартагдсан зүйл ч орчин үеийн урлагийг маш хүчтэй илэрхийлж болно.

-С.Дулам доктор хадны зургийн кодыг тайлаад, түүгээр нь СУИС-ийн бүжгийн урлагийн багш нар орчин үеийн бүжиг дэглэсэн. Энэ бүхэн монголчуудад аль эсвэл хүн төрөлхтөнд шинэ мэдрэмж төрүүлнэ гэж та бодож байна уу?

-Хадны зураг бол хамгийн эртний урлаг юм. С.Дулам багш СУИС-ийн Бүжгийн сургуульд тэргүүлэх профессороор ажиллаж, багш нарыг маань судалгааны ажлын арга зүйд сургаж байгаа. Дүрс, дохио тэмдгийг судалдаг нь манай багш нарт их хэрэгтэй. Хадны сүг зурагт дүрслэгдсэн мэдээллийг хийсвэр оюун ухаанаар дамжуулж, тухайн үеийн амьдралыг бүжиг хэлбэрээр орчин үеийн залууст хүргэж байна. Орчин үеийн залууст хүрэх хамгийн дөт зам нь бүжиг байсан. Энд монголчуудын тэнгэр шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, байгаль хүн нийгмийн харилцааны асуудлыг гаргаж тавьж байгаа юм. Хадны зурагт хийсэн багшийн судалгааны ажилд үндэслээд орчин үеийн цуврал гурван бүжгийн жүжгийг гурван өөр бүжиг дэглээч, хөгжмийн зохиолч, найруулагчаар хийлгэхээр болж “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин” гэсэн эхний бүтээлүүд гарсан. Гурав дахь “Босоо цагаан гурвалжин” төсөл дээр францын уран бүтээлчид хамтрах юм. Уран бүтээл шинээр хийхээс гадна бүжиг дэглээч Д.Энхгэрэл, М.Мөнгөнцэцэг багш нар судалгааны ажлууд хийж байна. Ер нь манай салбар эрдэмтэн цөөтэй. Тийм болохоор бид мэргэжлийн томчуудыг урьж тэргүүлэх профессороор ажиллуулдаг. Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай мэргэжлийн хөгжмийн багийг удирдах жишээтэй. Академич Г.Чулуунбаатар, доктор Ж.Батсуурь, Төрийн соёрхолт С.Соронзонболд, профессор Н.Ганхуяг, Ч.Алтанцэцэг, Ж.Баянсан нар манай профессорын багуудыг удирддаг.

Монголын соёл урлаг асар их өвтэй. Зуун профессорын баг ажиллаад ч барахааргүй их судлагдахуун бидэнд бий.

Монголын уламжлал, соёлд хүн төрлөхтөнд хэрэг болохоор мэдлэг бий. Монголчуудын байгаль, нийгэм, төртэй харьцаж ирсэн соёл, гэр бүлийн үнэт зүйл орчин үеийн ертөнцөд хэрэг болно гэж боддог.

-Мөнх хааны үед тоглож байсан “Хурган чих” хэмээх шавар бишгүүр хөгжмийг танай багш нар олж, судалж, сэргээсэн. Эртний хөгжмийг орчин үеийн хэрэглээнд оруулах боломжтой юу?

-Хурган чих гээд эртний бишгүүрийн шаврын найрлагаас эхлээд хүний биед нөлөөлөх эсэхийг ч шинжлүүлсэн. Энэ ажлыг С.Соронзонболд тэргүүтэй профессорын баг удирдаж байна. Бишгүүрийг манай сургуулийн керамикийн урланд Г.Лхагвацэрэн багшийн баг урласан. “Хурган чих”-д зориулж багш маань сайхан ая зохиосон. Бид аль нэг ерөнхий боловсролын сургуульд туршиж үзнэ. Яваандаа зарим сургууль “Хурган чих” бишгүүр хөгжмийн хамтлагтай болохыг үгүйсгэхгүй. “Хурган чих” алганд багтахаар жижигхэн ч эр хонгор дуутай. Хүүхдүүд энэ хөгжмийг тоглоод сурчих боломжтой. “Хурган чих” бол манай багш нарын инновацийн чиглэлээр хийж байгаа ажлын зөвхөн нэг л жишээ.

-Монголчууд юу үйлдвэрлэх вэ гэсэн эрэл хайгуулыг бид хийж байна. СУИС-иас зохион байгуулсан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” олон улсын хурлын үеэр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн орон зай Монголд их байх шиг санагдсан?

-Олон улсын Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чуулган хийхдээ Англи, Канад, Америк, Солонгосоос хамгийн сайн онолчид, мэргэжилтнүүдийг урьж авчирч сургагч багш бэлтгэж, оюутнууддаа хичээл заалгасан. Солонгосоос ирсэн дизайны багш “Танай гудамжинд энд тэндгүй мөнгө байна. Зах зээлээ судал. Эхлээд хэнд санхүүгийн боломж байна, тэдний хүсэл боломжийг судал” гээд л зөвлөсөн. Энэ чуулганыг кино, дизайны чиглэлээр зохион байгуулсан л даа. Төгсөгчдийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр шинэ урлан, хөтөлбөрүүд бий болгосон. Үр дүнд нь соёл, урлагийн менежментийн хөтөлбөрүүдийг шинэчилж, диплом хамгаалалт ч өөрчлөгдсөн дөө.

-Кино, жүжгийн зохиолчгүй болсон. Манайхан гадны кинонуудыг хуулбарладаг, эсвэл жүжигчид өөрсдөө ур хийц тааруутай зохиол бичдэг болоод байгаа. Харин СУИС кино зохиолч бэлтгэж байгаа гэсэн үү?

-Кино бол соёлын бүтээлч үйлдвэрлэлийн маш том хэсэг. Манайхан кино, жүжгийн зохиолчгүй боллоо гэж олон жил ярьсан. Бид Бээжингийн төвийн драмын академи, Шанхайн театрын академитай хамтын ажиллагааны гэрээтэй. Үүнийхээ дагуу нэлээд нягт хамтран ажилладаг. Дэлхийн киноны боловсролын эрдэм шинжилгээний хурлыг хийж, кино үзлэг зохион байгуулж эхэлсэн. Шанхайн академид багш оюутнаа явуулж, сургалтад хамруулж байна. Ингээд дундын хөтөлбөртэй болохыг зорьж, эхний ээлжинд кино зохиолчийн нэг жилийн модулийн сургалт хийж байна. Шанхайн багш докторантуудтайгаа удахгүй ирнэ. Хавар бас дахиад ирнэ. Суралцагсад заалгасан хичээлийн үр дүнд кино зохиол бичнэ. Хамгийн сайныг нь сонгож кино хийх юм. Манайд найруулагч, жүжигчдийг бэлтгэж байна. Оюутны хамтын бүтээл хийх боломж бий болсон. Л.Шаравдорж багшийн хэлсэнчлэн сар бүр нэг кино хийх техникийн боломж бий. Улс орнуудын кино өдрүүдийг сургууль дээрээ зохиодог. Дэлхийн томоохон найруулагчид, судлаачид ирдэг болсон. Үр дүн удахгүй гарна гэж найдаж байна.

Ер нь бид сургалтаа олон улсын жишигт хүргэх нэг гарц бол гадаад хамтын ажиллагаа гэж үздэг учраас аль болох гадны улсын шилдэг сургуулиудтай бүтээлчээр хамтран ажиллахыг чухалчилдаг.

Манайд урлагийн сургуулийн онцлогоос шалтгаалан алтан үеийн ахмадууд ч, ид бүтээн туурвих насан дээрээ яваа дунд үеийн уран бүтээлчид ч, гадаадад сургууль дүүргээд ирсэн цэл залуухан хүмүүс ч ажилладаг. Манай нэг ахмад багш “Дандаа нэг үеийнхэн хамт ажиллахаар нэгнийхээ үгийг сонсдоггүй юм. Харин янз бүрийн насныхан байвал ядаж ахмадаа залуус нь хүндэтгэн сонсч, залуучуудаасаа өмнөх үеийнхэн нь суралцдаг байгууллагын соёл бий болдог юм аа” гэж хэлсэн нь учиртай үг. Сайн дуучин, зураач, жүжигчин, сэтгүүлч тэр бүр сайн багш болдоггүй юм билээ. Урлагийн сургуулийн багш гэдэг өргөн мэдлэгтэй, маш уйгагүй, асар их тэвчээр шаардсан ажил.

“Хөх дарх” урланд доктор Д.Энхдаваа дархны удирдлагаар монголчуудын үнэт зүйлийн судрын шоголыг есөн эрдэнээр бүтээжээ.

-Танай сургуулийн багш нар монголчуудын үнэт зүйлийн судалгаа хийж байгаа гэсэн. Ерээд оноос хойш монголчууд үнэт зүйлгүй боллоо гэж ярьцгаадаг?

-Тийм судалгаа хийж байгаа. Манай Соёл, урлаг судлалын хүрээлэн гэр бүлийн соёлын үнэт зүйлсийн судалгаа хийх явцдаа эрдэмтэд, төрийнхэн, иргэний нийгмийнхнийг оролцуулсан хэд хэдэн хэлэлцүүлэг хийсэн. Өнөөдөр монгол гэр бүл ямар болсон бэ, өв соёлоо үр хүүхэддээ уламжлуулж чадаж байна уу, үлгэр оньсогоо ярьж байна уу, монгол хүн хэн бэ гэхчилэн ярилцсан. Япон боловсрол, монгол боловсрол гэдэг бол дэлхийн хүнийг гэхээсээ илүүтэй тухайн улсын иргэнийг төлөвшүүлэх тухай асуудал юм. Одоо зүйр цэцэн үгийг эцэг эхчүүд, залуу багш нар өөрсдөө тайлбарлаж чадахгүй хэмжээнд очжээ. Соёлын өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх, сурталчлах нь манай сургуулийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг юм. Сингапур үнэт зүйлийнхээ цагаан номыг гаргасан орон. Яг тэр бодлого дээр ажилласан хүн ирж, манайхантай хамтрах юм. Үндэсний үнэт зүйлийг тодорхойлохын тулд Монголын нийгмийн бүх давхарга, эрдэмтэн мэргэд залуустайгаа хамтарч ажиллах ёстой. Олон төрлийн судалгаануудыг хийх учиртай. Монголчуудын үнэт зүйлсийн “Эрдэнийн судар”-ыг бүтээх юм. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэхээр СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн “Хөх дарх” урланд, доктор Д.Энхдаваа дархны удирдсан уран дархны ангийнхан эртний ном хэвлэж ирсэн монголчуудын уламжлалт аргаар шогол бүтээсэн. Удахгүй үнэт зүйлсээ бичсэн “Эрдэнийн судар”-тай болно гэж найдаж байна.

-СУИС-ийг төгссөн дуурийн дуучид дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж байна. Дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэхийн тулд юуг онцгойлж үздэг вэ?

-“Хаана сурсан бэ, танайд ийм сургууль байдаг юм уу, хэн багшийн шавь бэ?” гэж манай Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нараас асуудаг гэсэн. Аравдугаар анги төгсөөд, ноот гэж юу байдгийг ч мэдэхгүй хүүхдүүд СУИС-д элсдэг. Манай багш нар сайн дуучин болох хүнийг илрүүлж, элсүүлж чадаж байна. Ганцаарчилсан сургалтын онцлог бий. Бас манай уртын дуу, байгаль цаг уур ч нөлөөлдөг гэж боддог. Монголынхоо дуурийн дуучдыг гадны дуучидтай нэг тайзан дээр дуулахыг сонсоход манай дуучид зөөлөн намуун, гэхдээ нугалаатай, уран ганган дуугардаг юм билээ. Сэтгэлийн урыг сайн гаргадаг гэж Н.Жанцанноров гуай хэлсэн. “Дэлхий дээр дуулах урлагийн хоёр том дэг сургууль байна. Нэг нь Италийнх буюу өрнийх, нөгөө нь уртын дууны буюу Монголынх” гэж тайлбарласан л даа. Үүнийг гүнзгийрүүлэн судлах учиртай.

Г.Ариунбаатарыг сурвалжлахаар ирсэн ВВС-гийнхэн манай сургуулийг бас сурвалжлаад явсан. Дэлхийн шилдэг 20 дуучныг жагсаахад гурав нь СУИС-ийг төгсөгч байна гэдэг манай сургалтын маш том үнэлгээ юм.

Бид монгол дотортой хүн бэлтгэхийг хичээдэг. Дэлхийд өрсөлдөх мундаг дуучин, эмч, инженер байсан ч Монголынхоо соёлыг мэддэг бол тэр хүн улам үнэ цэнтэй болно.

-Их сургуулийн захиралтай уулзаж байгаа учраас санхүүжилтийн асуудлыг сонирхмоор байна. Их сургуулиуд оюутны сургалтын төлбөрөөс гадна санхүүжилтийн өөр эх үүсвэр хайж байна. Танай хувьд ямар байгаа вэ?

-Тогтмол зардлыг улс өгнө. Гол санхүүжилт сургалтын төлбөрөөс. Манай сургуульд бусад сургууль шиг хур хөрөнгө байхгүй. Яагаад гэвэл манай сургалтын төлбөр бага. Сургалтын зардал өндөр, ихэнх хичээл ганцаарчилсан, бага дунд бүлгээр явна. Оюутны тоо нэмэгдэх тусам зардал өснө. Бид оюутны тоо нэмэх бодлого барьдаггүй. Харин оюутны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тал талын мэдлэг, дадал олгоход анхаардаг. Нэгэнт санхүүжилтын гол эх үүсвэр сургалтын төлбөр болохоор бид улсын төсвийн хөрөнгөөр сургалтын лаборатори байгуулах, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, янз бүрийн сургалт зохион байгуулах гээд бусад эх сурвалжийг хайдаг.

Японы Жайкагаас бараг 1 тэрбум орчим төгрөгөөр сургалтын студи, улсын төсвөөс 3,4 тэрбум, дотоодын санхүүжилтээр 3,5 тэрбум төгрөгөөр лаборатори, студи байгуулж, сургалтын орчноо сайжруулсан. Бусад их сургуулиудын дэргэд энэ бол бага тоо.

Төрийн мэдлийн урлагийн сургуульдаа улс орнууд онцгой анхаардаг юм байна. Яагаад гэвэл улс өөрийн гэсэн өнгө төрхтэй, үнэт зүйл бахархалтай байх нь соёл, урлагийнхнаас шалтгаалдаг юм. Манай түнш Бээжингийн төвийн драмын академид гэхэд багш нарыг мэргэжил дээшлүүлэхэд 300 сая юань улсаас нь өгдөг, нэг оюутанд 100м2 талбай оногддог тухай сонсоод бараг итгэж ядсан шүү.

-СУИС урлаг соёлынхноос гадна сэтгүүлч бэлтгэдэг сургуультай. Та өөрөө сэтгүүлч хүн. Орчин үеийн сэтгүүл зүйд юу дутагдаж байна гэж хардаг вэ?

-Манай сэтгүүлчид хурц, дайчин шуурхай ажиллаж байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбар эрүүл байж нийгэм эрүүлждэг. Тийм учраас сэтгүүлч бэлтгэдэг сургуулиуд илүү хариуцлагатай, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэвэл нийгэмд тустай. Сэтгүүл зүйн бүтээлүүдэд шүүмж, анализ хийх ажил дутагдаж байна. Тиймээс энэ ажлыг Балдорж сантай хамтраад хийж байна. Сэтгүүлчдээ өргөн мэдлэгтэй, болж өгвөл хоёр гурван гадаад хэлтэй, монгол хэлээ зөв, сайхан хэрэглэж чаддаг, сайн цалинтай байгаасай гэж хүсдэг.

Төр засгийн байгууллагууд ажлаа олон нийтэд мэдээлэх, сурталчлах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Тиймээс сонгон шалгаруулах байдлаар хөрөнгө хуваарилж болдоггүй юм болов уу. Сэтгүүлчдийн үг, байр суурь хүчтэй чухал хэвээрээ л байгаа. Аливаа хүн хийж байгаа зүйлдээ итгэх ёстой. Сэтгүүлч та нар өөрийнхөө бичиж байгаа зүйлийг улс эх орондоо, хүмүүст хэрэгтэй учраас би энэ тухай бичиж байна гэдгээ үргэлж санаж, нийгмийн болж бүтэхгүйг илрүүлж, бас сайны үрийг халдааж явах учиртай хүмүүс.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Налайхад “Жорлонгийн хувьсгалчид” бэлтгэгдлээ

ИРГЭН Н.ЦЭЭСҮРЭН: ТЭРЭЛЖИД НИЙТИЙН ЖОРЛОНГ ХЭРХЭН ШИЙДЭХ НЬ ОЙЛГОМЖГҮЙ БАЙНА

Налайх дүүргийн иргэн Н.Цээсүрэн гуай “Жорлонгоо өөрчилье” сургалтанд хамрагдахаар баасан гаригийн өглөө эртлэн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимыг зорьжээ. Тэрбээр “Тэрэлж Туул төрийн бус байгууллага”-ын тэргүүн. “Манайх Налайх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт ажилладаг. Өнгөрсөн жил Налайх дүүргийн Засаг дарга, дүүргийн Тохижилт үйлчилгээний компанитай гурвалсан гэрээ байгуулаад, тохижилт үйлчилгээний компанийн туслан гүйцэтгэгчээр хагас жил ажилласан. Налайх дүүргийн зургадугаар хороо буюу Тэрэлжийн орчимд 26 мянган га газар нутгийн хог хаягдлыг бид цэвэрлэдэг. 600 гаруй айл өрхтэй, 1300 хүн амтай, нийтдээ 360 гаруй аж ахуйн нэгжтэй ийм хэсэг.

Бид хог хаягдлыг цэвэрлэж, зөөж цуглуулж, түүнийгээ Баялагийн хонхорт буулгадаг. Бид хогоо ангилж ялгаж, савладаг төхөөрөмжтэй болж байгаа. Хогийг шууд ачихгүй ангилж, ялган хоёр дахь түүхий эдэд нийлүүлэх захиалга зарим байгууллагаас ирсэн.

Тэрэлж орчим тэр чигтээ аялал жуулчлалын бүс шүү дээ. Манай зургадугаар хорооны нутаг, Тэрэлж голын наад талын хэсэг нь Улаанбаатар хотдоо буюу Налайх дүүрэгтээ ордог. Цаад хэсэг нь Эрдэнэ сумын нутагт хамаардаг. Бүх аялал жуулчлалын байгууллагууд маань тэнд байдаг. Зуун ламын агуй, Мэлхий хад, Гүнжийн сүм бүгд манай хорооны нутаг дэвсгэрт багтдаг.

Гэсэн ч манай багт нийтийн жорлон огт байхгүй. Монгол аялагчид жуулчны баазуудад буудаггүй. Зун, дулааны улиралд байгальд амрах дуртай. Тэд дуртай газраа ил задгай бие засдаг. Наадмын амралтын долоо хоногт 10 мянга гаруй жуулчид зорчсон. Тэндээс бид 40 тонн хог зөөсөн юм. Гялгар уут, идэж уух юмны савнууд, гол дагаад хөглөрч байдаг.

Манай тэр хавийн айлууд бүгд гэр хороололд амьдардаг, нүхэн жорлонтой. Усны ундарга маань бохирдоод байна. Тэрэлж уг нь байгалийн цогцолборт газарт багтдаг юм шүү дээ. Жорлонгоо нэг номерт сайжруулах ёстой. Айл өрхүүд ямар нэгэн байдлаар шийдэж болно. Нийтийн эзэмшлийн жорлонг яаж шийдэх нь ойлгомжгүй. Хог, жорлонгийн асуудлыг шийдэхэд хөрөнгө оруулахгүй бол шийдэхэд хүнд болсон гэлээ.

УЛСЫН ХЭМЖЭЭНД 3000 ЖОРЛОНГИЙН “ХУВЬСГАЛЧ” БЭЛТГЭНЭ

Н.Цээсүрэн гуайтай адил зорилготой 60 хүн уг сургалтыг зорьж ирсэн. “Жорлонгоо өөрчилье” сургалтыг зохион байгуулж буй “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл “Аймаг болгонд жорлонгоо өөрчлөх зөвлөхүүдийг бид бэлтгэж байна. Улс орны хэмжээнд 3000 идэвхитэн бэлтгэх зорилготой” хэмээн ярилаа. Тус сангийнхан мөн “Жорлонгоо өөрчилье” номоос санаа авч, жорлонгоо сайжруулсан иргэдийн дунд уралдаан зарлаж 2018 оны арваннэгдүгээр сарын 19 буюу Дэлхийн жорлонгийн өдөр дүгнэх гэнэ. Энэ уралдааныг шилдэг өрх, хөршүүд(саахалт айл, гудамжныхан), хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгж, шилдэг орон нутаг гэсэн номинациар шалгаруулах юм байна.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар энэхүү уралдаанд түрүүлэхийг сургалтанд суусан налайхчууддаа захисан юм. Тэрбээр “Жорлонгоо өөрчилье” сургалтын нээлтэнд ирж, энэхүү сургалт нь нийслэлийн Засаг даргын тамгын газраас зарласан “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан “Эко Налайх” хөтөлбөртэй нийцэж буйг дурдаад, иргэдтэйгээ тулж ажилладаг хорооны хэсгийн ахлагч нар уг сургалтанд сууж буйг онцолж, байгаль орчноо хамгаалах суурь ойлголтыг иргэддээ таниулж, хамтарч ажиллаарай хэмээн суралцагсдад зөвлөв. Засаг дарга мөн “Аялал жуулчлалын бүсэд байдаг аж ахуйн нэгж, иргэдэд маань сургалт хийж, дэмжлэг үзүүлээрэй” хэмээн “Нутгийн шийдэл” сангийнхнаас хүссэн юм. Хорооны хэсгийн ахлагч нараас голцуухан бүрдсэн суралцагчид бүгд эмэгтэйчүүд байлаа. Харин Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын эмэгтэйчүүдийн жорлонгийн өрөөнд хомоол унгасгасан нь өвөрмөц үнэртэй байсныг яана.

“Нутгийн шийдэл” сангийнхны сургалт бүтэн өдрийн турш үргэлжилдэг юм байна. Сургалтанд оролцогчдыг “Жорлонгоо өөрчилье” номоор “зэвсэглэж”, хоол, цайны зардлыг нь ч тус сангаас даадаг ажээ. “Жорлонгоо өөрчилье” номын борлуулалтын орлогоос аймаг, дүүрэг бүрт хийж буй эдгээр сургалтаа санхүүжүүлдэг гэнэ.

Эхний сургалтыг Б.Цолмонбаяр хийлээ. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Ач” АУИС-ийнхны 2016 онд Улаанбаатарт хийсэн судалгаагаар гэр хорооллын айл өрхүүдийн арван өрх тутмын найм нь жорлонгоо солих сонирхолтой байдаг. Арван өрх тутмын дөрөв нь дор хаяж, хоёр удаа шинээр жорлонгийн нүх ухсан. Арван өрх тутмын зургаагийнх нь жорлон, муу усны нүхтэйгээ хамт байдаг гэнэ шүү.

Бүлгийн ажлын үеэр оролцогчид жорлонгоо өөрчлөх давуу болон сул талуудаа өөрсдөө тодорхойлсон. Зарим бүлэг “Эко Налайх” хөтөлбөрт аялал жуулчлалын бүс дэх амралт сувиллын газруудыг хамруулах, Засаг даргын дэргэд жорлонгоо сайжруулах ажлын хэсэг байгуулах зэргийг санал болгосон. Харин сургалтын чиглүүлэгчээр ажилласан доктор Б.Насанбаяр Налайхад байрладаг Герман, Монголын хамтарсан технологийн их сургуульд байгаль орчны инженер бэлтгэдэг. Тэдэнтэй хамтарч ажиллах боломжтой гэдгийг сануулав.

ШИНЭХЭН БААСНЫ 75 ХУВЬ НЬ УС БАЙДАГ

Жорлон өөрчлөх, сайжруулахад анхаарах асуудлуудын талаар инженер Б.Дашням зөвлөлөө. Жорлонгоо сайжруулна гэдэг үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулж байна гэсэн үг. “Гэр хороолол, хөдөөгийн иргэдийн ихэнхи нь төлбөрийн чадвар сул тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү, эсвэл энэ хэмжээг хамгийн ихдээ гурав нугалах хэмжээний хөрөнгө оруулалт шаардахаар жорлонгийн хувилбарыг санал болгох хэрэгтэй” гэнэ.

Шинэхэн баасны 75 хувь нь ус байдаг, шээсний 99 хувь нь ус. Хөрсийг бохирдуулагч нь шивтэр учраас шээс байгаль орчинд илүү хортой нөлөөтэй. Хайрга, модны үртэс, шээсний хортой хэсгийг саармагжуулдаг ажээ.

Хэрэв жорлонг бохирын машинаар соруулсан тохиолдолд Төв цэвэрлэх байгууламжид хэр их ачаалал өгөхийг тооцох (жорлонгоо сайжруулахыг хүсэгчид ихэвчлэн соруулдаг жорлонг сонгодог. сурв) Улаанбаатар хотод 83 машин соруулах үйлчилгээ үзүүлдэг. Олуулаа сайжруулсан жорлонтой бол нэг машинаар ойрхон соруулснаар зардлаа хуваах боломжтой.

Хүн дунджаар өдөрт 800-2000 мл шээс, 128 грамм баас гаргадаг гэлээ. Өтгөн ялгадасыг хэрэв ялзмагшуулсан тохиолдолд 80 кг орчим ялзмаг бүхий био бордоо болж хувирдаг байна.

АРИУТГАЛ ХИЙСНЭЭР ЖОРЛОНГИЙН ЛАГИЙН ХЭМЖЭЭГ БАГАСГАХ БОЛОМЖТОЙ

“Улаанбаатар ариутгал” компаниас ирсэн Ч.Отгонжаргал захирал ярихдаа “Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөлтэйгээр ахуйн хортон шавьж, нүхэн жорлонгийн ариутгал хийдэг. Ариутгал хийснээр жорлонгийн лагийн хэмжээг багасгаж, ашиглалтын хугацааг уртасгах боломжтой. Ариутгалд амьд микроб ашигласнаар арван жил ашиглах жорлонг 20 жил ашиглах, үнэр дарах боломжтой. Мөн халдварт өвчний эрсдлийг бууруулна гэлээ. Монголд үйлдвэрлэсэн “Тамир” амьд биет нь лагийг идэж багасган, эвгүй үнэрийг дардаг. Угаалгын бодис нь амьд биетийг устгадаг учраас угаадасны нүх жорлонгоос тусдаа байх ёстой гэлээ.

МУШГИА ШАХАГЧТАЙ ХУУРАЙ ЖОРЛОНГ ЧИНГЭЛТЭЙД ТУРШЖЭЭ

ШУТИС-ийн Усны судлалын төвийн захирал Д.Басандорж бас нэг илтгэгч байлаа. Жорлонгийн асуудлыг шийдэхэд түвэгтэй биш. Хүний ялгадас үнэт түүхий эд. Хөрсийг бохирдуулж байгаа угаадсыг цэвэрлэхэд өндөр зардал гарна гэж тэр хэллээ. Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд мушгиа шахагчтай хуурай жорлон туршиж үзсэн. Мушгиа шахагч гэдэг нь махны машин шиг эргүүлдэг эд аж. 230 долларт багтсан уг жорлонг туршихын тулд гэр хорооллын байшингийн үүдний хэсэгт хөшиг татаж байгаад туршсан. Гэр хорооллын байшинд жорлонгийн тамбер барьж дулаалахгүй бол хүйтний улиралд мушгиа гол нь эргэхгүй болдог. Усны оронд хийдэг үртэс үнэтэй, олдоц багатай, гэр хорооллын нөхцөлд үнс ашиглах боломжтой. Бууц ашиглах боломжтой ч олдоц багатай учраас навчийг үнэр дарахад хэрэглэдэг гэж тэрбээр зөвлөсөн. Тэд бас бага оврын бохир ус цэвэрлэх байгууламж шийдэхээр ажиллаж байгаа гэнэ. Хоёр метр нүх ухаад, гурван сав тавиад, гурван дамжлагаар ус цэвэрлэгдсэний дараа гурав дахь саванд 80 хувь цэвэрлэгдсэн ус очих юм байна. Хөлддөггүй, дулаан ялгаруулдаг, америк технологиор шийдсэн учиртай гурван сав юм байх. Монгол эрдэмтдийн туршиж байгаа энэ мэт технологиудтай танилцахыг хүсвэл Д.Басандорж докторт хандаарай.

ЖОРЛОНГОО ӨӨРЧЛӨХӨД МӨНГӨ ТӨЛӨӨГҮЙ БОЛ ЭЛГЭЭ СОЛИУЛАХАД МӨНГӨ ТӨЛДӨГ

Жорлонгоо өөрчлөхөд мөнгө төлөөгүй бол элгээ солиулахад мөнгө төлдөг гэж “Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл хэлсэн юм. Жорлонгоо өөрчлөнө гэдэг зохион байгуулалтын асуудал. Яагаад бид муухай үнэртэй жорлонд дургүй мөртлөө сольдоггүй вэ. Мөнгө бол байсан. Яагаад гэвэл бид гар утас, машин, хувцас хунар авдаг шүү дээ. Жорлонгоо өөрчлөх нь нэг хүний ажил биш. Зохион байгуулалтад ороогүй учраас тус тусдаа хамгийн хялбар нүхэн жорлонтойгоо үлдсэн. Жорлонгоо өөрчлөхдөө далимдуулаад хүүхдүүд, жирэмсэн эмэгтэй, гэр бүлийн настай гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан элементүүд хийж болно. Хуурай жорлонгийн их хурал Финляндад ирэх наймдугаар сард болох гэж байгаа. Дэлхий нийтээр усны нөөц багасч, жорлондоо ус хэрэглэхгүй байх хөдөлгөөн өрнөж буй. Хуурай жорлонгийн технологи “Жорлонгоо өөрчилье” номд орсон. Гэхдээ өтгөн, шингэнийг ялгадаг жорлонтой байхын тулд өтгөн, лаг цуглуулдаг, боловсруулдаг бизнес байх ёстой. Америкт цэвэрлэх байгууламжийн лагийг цуглуулж боловсруулдаг Омни процессор нэртэй шинэ машин бүтээгдсэн бол айл өрхийн ялгадсыг цуглуулж боловсруулдаг машин Аляскад бий болсон.

Соруулдаг жорлонг сонгохын тулд цэвэрлэх байгууламжтай газар байх учиртай. Хэт гүнзгий нүхтэй соруулдаг жорлон хийчихвэл соруулдаг машины шланк хүрэхгүй илүү мөнгө төлөх болдог. Усны оронд ялгадсыг хөөсөөр хөөдөг жорлон АНУ-ын Сиатлд байдаг. Гэхдээ нисэх онгоцонд байдаг ус бага хэрэглэдэг жорлон, хөөсөөр хөөдөг жорлонг ганц айл худалдаж авах боломжгүй маш үнэтэй тусна.

Харин Энэтхэгт ашигладаг харьцангуй хямд үнэтэй шидэт хайрцагтай жорлонгийн тухай “Жорлонгоо өөрчилье” номд бий. Зургаан сарын турш бороо орох үед тохиромжтой, хальдаггүй жорлон гэнэ л дээ. Хайрцагны ёроолд лагийг идэж устгадаг амьд биет агуулсан учраас шидэт хайрцагтай хэмээн нэрлэжээ.

ЕВРОПЧУУД УС БАГА ХЭРЭГЛЭДЭГ ЖОРЛОНГ ИЛҮҮД ҮЗЭХ БОЛЖЭЭ

Тэрбум гаруй хүн амтай Хятад, Энэтхэгт жорлонгийн хувьсгал хийж байна. Европт харин ус бага ашигладаг жорлонгийн технологийг илүүд үзэх болжээ.

Налайхад жорлонгоо өөрчлөх технологи сонгохын тулд хэрэглэгчид таалагдсан хувилбарыг сонгох учиртай. Хүн болгон хүлээж авах технологи нь төлбөр харьцангуй хямд, хүртээмжтэй жорлон байдаг. Чадалтай нь жорлонгоо өөрчлөөд, чадал муутай нь үлдчихвэл хөрсийг бохирдуулсан хэвээр хоцорно. Ямар ч хүнийг ялгахгүйгээр үйлчлэх жорлонгийн технологийг сонгох ёстой. Учир нь хөрсний бохирдол нам, эвслээр ялгахгүй. Тэдний намынхны баас, эдний намынхны шээс эсвэл өвчин гэж үгүй. Жорлон эрхэмсэг амьдрах суурь үйлчилгээ учраас хөрсөндөө бас ажиллах хүчиндээ тохирсон жорлон сонгох хэрэгтэй. Хүрз бариад жорлон султгадаг монгол хүн олдохгүй учраас хүрздэхээс өөр аргаар жорлонг султгах учиртай. Бордооны үйлдвэртэй газарт бордоошуулдаг жорлон сонгоно. Жорлон бизнес болох ёстой гэж Ц.Оюунгэрэл тайлбарласан юм.

Жорлонгийн бизнесийн боломжийн тухай тэр бас ярьсан. “Жорлонгоо өөрчилье” сургалт төр засаг, иргэд, ариун цэврийн асуудлыг бизнесийн эргэлтэнд оруулах философитой. Өвчин биш мөнгө, ариун цэвэр, эрүүл мэнд үйлдвэрлэх эргэлтэнд орох хэрэгтэй байна.

Ямар нөхцөлд гэр хорооллыг зах зээл гэж харах вэ?

Ижил хэрэглээтэй, бизнест ашиг өгөхөөр зохион байгуулагдаж байж зах зээл гэж харагдана. Иргэдийг та бол хөрөнгө оруулагч гэдгийг ойлгуулах ёстой. Хөрөнгө оруулагчид тогтвортой байдал хэрэгтэй. Жорлондоо хөрөнгө оруулж байгаа иргэдийн хувьд газраас хөөхгүй гэсэн баталгаа, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Хотын ерөнхий төлөвлөгөөг иргэдийн оролцоотой батлана гэсэн үг. Иргэд тодорхой хэмжээний мөнгө гаргасаны дараа дутагдаж байгаа санхүүжилтийг татахын тулд нөлөөллийн ажил хийнэ. Дундговь аймгийн Гурвансайхан сумын иргэд сумандаа хөрөнгө оруулагчдын уулзалт хийж, 90 хоногт дэд бүтэцтэй болсон туршлага бий.

Аль болох олон айл зохион байгуулалтад орж байж нийлүүлэгч нараас хөнгөлөлт эдлэх боломжтой болдог. Налайхад нэг айл биш 10 мянган өрх ижил сонголт хийвэл хөнгөлөлт авах боломжтой. Нийлүүлэгчийг иргэд сонгох учиртай. Энд ариун цэврийн хэрэгцээ, технологи, иргэдийн оролцоотой тендер яригдана. Өтгөн шингэн ялгадаг жорлон сонгосон бол өтгөн бас шингэнийг авдаг нийлүүлэгч байх учиртай гэсэн үг. Ариун цэврийн бизнес нийтийн эрх ашгийг хөнддөг учраас төрөөс үнэ, өрсөлдөөнийг зохицуулах байдлаар оролцдог гэлээ.

НАЛАЙХТ ЯМАР ЖОРЛОН ТОХИРОХ ВЭ?

Сургалтанд оролцогчид бүлгийн ажлаараа “Налайхт ямар жорлон тохирох вэ” гэсэн асуултанд хариу өгсөн юм. Гэр хорооллынхны хувьд соруулдаг жорлонг илүүд үзсэн бол аялал жуулчлалын бүс нутагт “Дүрэмтэй хээрийн жорлон” тохиромжтой гэцгээв. “Дүрэмтэй хээрийн жорлон” болон жорлонгийн бусад технологийн тухай “Жорлонгоо өөрчилье” номонд дэлгэрэнгүй өгүүлжээ. Налайх дүүргийн Н.Цээсүрэн эгч маань асуултандаа хариу авсан буй за.



Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Хөгшин ээжээсээ “Та Баасан ламд хайртай байсан уу“ гэж асуусан чинь зөндөө инээсэн

“Жаран цагаан хонь” номын нээлтийн үеэр.

“Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” номын зохиолч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-“Жаран цагаан хонь” романыг авах гэсэн чинь олдохгүй байна гэж танил багш эмэгтэй маань ярьсан?

-Эхний 6000 ширхэг долоо хоногт дуусчихсан. Шинэ жил дөхсөн учраас хэвлэх газар ч ачаалалтай байлаа. Хоёр дахь хэвлэлтээ гаргах гэж нэлээд удаад номоо тасалдуулсан л даа. Хэд хоногийн өмнөөс дахин хэвлэсэн. Орой гэртээ ирсэн чинь гэрийн гадна хоёр, гурван машинтай хүн хүлээж байлаа. Ном авах гэж байгаа гэнэ. Ном борлуулагчтай холбогд гэсэн. Ном борлуулагч энэ ажлыг зохицуулж байгаа. Өөрөө борлуулах юм бол гэрийнхээ үүдэнд хүмүүс цуглуулаад бөө шиг болох юм билээ. (инээв)

-“Жаран цагаан хонь”-ийг нэг их сурталчлаагүй санагдах юм. “Ногоон нүдэн лам” олон хувь борлогдсон нь нөлөөлсөн юм болов уу. 70 мянган хувь зарагдсан гэж сонссон, үнэн үү?

-75 мянган хувь зарагдсан. Эхлээд өөрийн гэсэн зах зээлтэй болоход маш их хөдөлмөр ордог. Нэгэнт зах зээлтэй болчихсон бол шинэ бүтээгдэхүүн гаргахад бэлэн зах зээл тосоод авдаг юм байна.

-Зарим хүмүүс муулаад байгаа хэрнээ уншаад байх юм аа?

-Ер нь тэр чинь сурталчилгааны бас нэг хэлбэр шүү дээ. Би шүүмжлэлийг хүлээж авдаг. Нэгдүгээр дэвтэр их шүүмжлүүлсэн учраас хоёр дахь дэвтрээ сайжруулсан гэж үзэж байгаа. Шүүмжлэлгүй байсан бол сайжруулж мэдэхгүй гаргаж байгаа шүү дээ. Эхний номон дээр ялангуяа уран сайхны талаасаа шүүмжлэл ихтэй байсан. Баримт, нотолгоо түүхийг задлан шинжилсэн тал дээр бараг шүүмжлээгүй. Уран сайхны шүүмжлэлүүдийг нэлээд тусгасан. Гэхдээ сурсан юмыг сураар боож болохгүй гэж өөрийнхөө загвараас хүн бүрэн гарч чадахгүй. Сайжирсан байна гэж зарим хүн хэлж байгаа. Мэдээж төгс бүтээл болоогүй.

-Хоёрдугаар дэвтэр үнэхээр романтик эхэлжээ. Сэндмаа тэнгэрийн дагина шиг л дүрслэгдэж. Гэхдээ бодит амьдрал дээр зургаа дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа малчин бүсгүйг бараг арван жилийн дараа харахад “миарчихсан” л баймаар юм. Баасан, Сэндмаа хоёр яаж уулзсан бол гэсэн уншигчдын хүлээлтэд хөтлөгдчихөв үү яав?

-Хэний нүдээр юуг харж бичиж байна вэ гэдгээс шалтгаална. Магадгүй би эхний үзэгдлийг Чулуунжийгийн нүдээр харж бичсэн бол сая таны хэлсэн шиг бичиж магадгүй. Эхний үзэгдлийг анзаарсан бол би Баасангийн нүдээр харж бичсэн. Нэгдүгээр дэвтэр төгсөхөд Баасан ирж байгаа үзэгдлийг Сэндмаагийн нүдээр харсан шүү дээ. Өөрөөр хэлбэл Баасан яаж харагдсан, түүний дуу яаж сонсогдсон нь Сэндмаагийн өгүүлэмжээр бичигдсэн. Үргэлжлэлийг нь бичихдээ яг тэр үзэгдлийг Баасангийн нүдээр төсөөлж бичсэн. Өнцөг гэж бий. Хэний өнцгөөс үүнийг бичиж байна вэ гэж. Баасан бол Сэндмааг үлгэрийн дагина шиг төсөөлдөг хүн. Үлгэрийн дагина шиг л бодсоор ирсэн. Ирэхэд нь тэр хүнийг ямар байснаас үл хамааран Баасангийн нүдээр Сэндмаа тэгж л харагдсан.

-Зохиолын баатруудын нүдээр харах ёстой юу?

-Түүгээрээ л миний ном бусдынхаас онцлог. Номоо бичихдээ миний хэрэглэдэг гол техник энэ үзэгдлийг хэний нүдээр бичих вэ гэдэг шийдвэр гаргадаг. Бөөгийн эд хэрэглэлийг хураах гээд хүмүүс ирдэг хэсгийг Агваан, Сэндмаа, Од гээд гурван хүний нүдээр харж бичсэн. Од хараагүй хүн шүү дээ. Тийм учраас үнэр, хөдөлгөөн, дуу чимээгээр төсөөлж бичсэн байгаа.

-Жефф та хоёр Холливудад номын дуу сонссон. Тэнд бас өнцгийн тухай заадаг хэрэг үү?

-Харин тэнд заалгасан технологиороо л бичиж байгаа. Яагаад хүмүүст Холливудын кино, барууны зохиолчдын бүтээл хүрдэг гэхээр тэд хүмүүст мэдээлэл хүргэх тодорхой өнцөгтэй. Тэр өнцгөөсөө гарахгүйгээр өөрөөр хэлбэл тодорхой зүгт камераа чиглүүлчихээд түүнийгээ хөдөлгөхгүйгээр тухайн камерт орж ирж байгаа үзэгдлийг л нэг удаадаа тайлбарладаг. Дараагийн удаа камераа өөр газар зоочихоод өөр өнцгөөс тайлбарладаг. Хуучин арга барилаараа бичих юм бол бид нэг өрөөнд арван камер тавьчихаад нэгдүгээр камер ингэж харлаа, хоёр, гуравдугаар камер ингэж харлаа гэх мэтээр хөндлөнгөөс харж бичдэг. Би хүүхдүүдээ өөрийнхөө уншиж өссөн номуудыг уншуулах гээд дийлдэггүй. Гэсэн ч өнцөгтэй бичигдсэн номуудыг тэд уншчихдаг. Тэд бол телевизийн эринд өссөн хүүхдүүд. Телевизээр нэг секундэд нэг л үзэгдлийг харуулахаас биш нэг дор арван кадр үзүүлж чадахгүй. Телевиз үзэж өссөн хүүхэд ном уншихдаа үзэгдэл үзэгдлээр нь л уншихгүй бол нэгмөсөн бөөгнүүлж байгаад нэг өгүүлбэрээр хэлчихдэг зүйлийг хүлээж авдаггүй. “Хард диск” нь өөрөөр ажилладаг гэсэн үг. Би орчин үеийн уншигчдад зориулж ном бичиж байгаа учраас тэдний хүлээж авдаг “формат”-аар нь бичсэн. Хөндлөнгийн дүгнэлтгүй бичдэг.

Орчин үеийн уншигчид үзэгдлийг л уншина. Харин тэд дүгнэлтээ өөрсдөө хийнэ. Би санаанд оромгүй дүгнэлт хийж байгаа уншигчидтай таардаг. Дүгнэлт чөлөөтэй. Өгөгдлийг нь өнцөг, порцоор өгөх нь зохиолчийн ажил болсон. Өгөгдөл, порц нь өөр учраас зузаан ч гэсэн миний номыг хүмүүс уншаад байгаа юм.

-Түрүүнд Од бөөгийн тухай ярьсан. Хөвсгөлд хүчтэй бөө нар байсан гэцгээдэг. Бодит амьдрал дээр хүүтэйгээ оюун санаагаараа холбогдож яг хэрэгтэй үед нь зөвлөчихдөг бөө байсан болов уу?

-Тэр бол уран сайхны шийдэл. Гэхдээ яагаад ийм шийдэл оруулсан гэхээр бөө нарын тухай домгууд, хүмүүсийн хууч ярианаас сэдэвлэж зохиомжилсон. Бөө дээр очсон чинь тэгж хэлээд, тэр нь яг миний амьдралд тохиолдсон тийм юмтай таараад, дараа нь яг тийм тохиолдол дээр тэр нь орж ирээд гэх мэт хууч ярианд түшиглэсэн. Манай монголчууд бодит ертөнц бас өөрийн гэсэн хийсвэр ертөнцөд амьдардаг. Хийсвэр ертөнцийнхөө тухай хүмүүс их ярьдаг. Түүнээс нь сэдэвлэсэн юм.

-Баасан, Сэндмаа хоёрын дурлал гэснээс бодит амьдрал дээр таны эмээ нөхрийнхөө ах, лам хүнд дурлачихсан байсан уу. Эсвэл та уран сайхны шийдлээр хайрын гурвалжин бий болгочихсон юм уу?

-Чулуунжийгийн бодит дүр, миний хөгшин ээж хоёрын дунд насан туршийн ээдрээтэй харилцаа байсан юм. Тэгсэн мөртлөө бие биенээсээ салдаггүй, байнга хөрш амьдарна. Би багадаа “Энэ хоёр ингэж муудалцаж байхаар газар мундсан биш холхон нүүчихэд яадаг юм. Яахаараа толхилцоод байдаг юм, ядаргаатай юм” гэж боддог байсан юм. Том болоод энэ хоёр ер нь бидний ойлгохгүй, нууцлаг зөрчилтэй юм байна гэж бодсон. Ер нь энэ хоёр нэг хүнд хайртай байсан юм биш биз дээ гэж ургуулан бодоод хөгшин ээжээсээ нэг удаа асуулаа. “Та ер нь Баасан ламд хайртай байсан уу” гэсэн. Анх зохиол бичихээр сэдэж байх үедээ 1997 онд ингэж асуусан юм. Зохиолын гол зөрчлийг шийдэх гээд хөгшин ээжээсээ ингээд асуучихсан зөндөө инээсэн. “Яаж тэгж бодож байна аа” гээд инээгээд байсан. Тэгсэн мөртлөө “Би хайртай байгаагүй” гэж хэлээгүй. Хайртай ч гэж хэлээгүй. Тэрийг хүлээн зөвшөөрөөгүй мөртлөө их л аз жаргалтай инээгээд байсан. Хөгшин ээж Баасан ламын тухай их гоёор яриад байсан юм. Хамгийн гоё хүн байсан, сайхан дуутай, авьяастай хүн байсан гээд ярьсан. Хөгшин ааваас илүү Баасан ламыг ярина. “Та Баасан ламын тухай их гоё ярих юм аа. Би таныг Баасан ламд хайртай байсан юм болов уу гэж бодлоо. Би таныг Баасан ламд дурлуулаад ном биччихвэл яах вэ” гэсэн чинь “Хи хи тийм ном бичих юм уу, миний нүд юм харахгүй, уншиж чадахгүй л дээ, барьж үзэх юмсан” гэсэн.

Ерөнхийдөө хөгшин ээжээс зөвшөөрөл авчихлаа гэж бодсон. Гэхдээ гол нь “Хэлмэгдэж байсан лам гэдгийг нь л бичээрэй. Би яахав” гэсэн байхгүй юу. Надад тэр нь их таалагдсан. Хөгшин ээж үнэнээ хэлэхгүй юм байна, насан туршдаа нууц хэвээр үлдэх юм байна. Гэхдээ би өөрийнхөөрөө бичиж болох юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд би ах дүү нартаа хэлсэн. “Хөгшин ээжийг өөр хүнд хайртай болгож ном бичиж байгаа шүү” гэсэн чинь “Битгий л унтуулаарай” гэсэн. Бичиж эхлэхдээ “Өөрсдөө унтъя гэсээр байгаад унтчихлаа” гэсэн. Хайр дурлал нь уран сайхны шийдэл. Гэхдээ тэрэн дотор үнэн юм их байгаа гэж би бодож байгаа.

-Баасан лам яаж төгссөн бол гэж уншигчид их хүлээсэн. Гэтэл хоёрдугаар дэвтэрт дөнгөж таван жилийн амьдрал нь бичигджээ. Энэ зузаан номыг уншчихаад ахиад л яасан бол гээд шаналж үлдлээ. Бас хоёрдугаар таван жилд нь яасан бол гэсэн хүлээлт үүсчихлээ?

-Ер нь нэг, хоёрдугаар таван жил нийтдээ арван жилийн турш малчин иргэд туйлын ядуу амьдарч, бүгдээрээ ялтай, олон хүүхэдтэй нь үр хүүхдээ бусдад үрчлүүлж, хоосорсон юм. Малаа бараад, үлдсэн хэдийгээ шоронд орж байхаар гээд нэгдэлд өгөөд дууссан л даа.

-Хувийн өмчийг нийгмийнх болгохын тулд иргэдээ арван жил тарчилгасан байх нь ээ?

-Уул нь арван жилийн тухай бичье гэж бодсон ч үнэндээ тэр зовлонг задалж дэлгэрэнгүй бичихгүй бол тэр хүмүүс яаж зовсон нь ойлгогдохгүй байсан юм л даа. Арай гэж л эхний таван жилээ бичиж амжсан. Гуравдугаар дэвтрээ бичих юм бол хоёрдугаар таван жилийн эхнээс биш сүүлээс нь эхэлчихье гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр зовлон яг адилхан үргэлжлэх учраас. Хоёдугаар таван жилийн төлөвлөгөө 1957 онд дууссан шүү дээ. Энэ зовлон үргэлжлээд ард түмний амьдрал ийм цэгтээ тулаад, дараагийн асуудалдаа оржээ гэж ойлгогдохоор бичье гэж бодсон.

-Хоёрдугаар дэвтрийн төгсгөлд Х.Чойбалсанг өөд болоход анхдугаар таван жилийн төлөвлөгөөний алба гувчуур, зовлон дуусч байгаа мэт сэтгэгдэл төрсөн?

-Тухайн үеийн монголчууд ч тэгж бодсон. Гэхдээ тэр зовлон дахиад таван жил үргэлжилсэн. Тэр ч байтугай Х.Чойбалсангийн таван жилийн төлөвлөгөө миний номон дээр жинхэнээрээ ороогүй. Жинхэнэ аймаар хатуу төлөвлөгөөгөө архиваас тоо баримттай нь устгасан. Архиваас би хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөний тоог л олсон.

-Малаа 200 саяд хүргэнэ гэдэг одоо ч мөрөөдлийн тоо шүү дээ?

-Түүхэнд үлдсэн тоо л доо. Анхны уриа лоозон бүх сонин дээр бичигдсэн. Нэг айлаас авдаг мал, мах, сүүний норм миний номонд байдгаас хатуу байсан. Миний номонд байгаа тоо хоёрдугаар таван жилийн арай зөөлөрсөн үеийн тоо. Жинхэнэ хатуу тоог нь архиваас би олоогүй.

-Төлөвлөгөө биелүүлээгүй гээд эхний гучин малчинг буудаад алчихдаг. Бодит амьдрал дээр ийм явдал болсон гэсэн үг үү?

-Гуч байтугай малчдыг цаазалсан. Малчдыг айлгахын тулд бүх төрөл дээрээ төлөвлөгөө биелүүлээгүй хүмүүсийг шууд буудаж байсан. Сүүлдээ хичнээн айгаад ч илүү олон хүн төлөвлөгөөгөө биелүүлж чадахааргүй байдалд орсон учраас цаашдаа ингээд буудаад байвал лам нарыг бууддаг шиг айхавтар байдалд хүрэх юм байна гээд зогссон. Гэхдээ шорон бол дүүрсэн.

-Сэндмаагийн мэдрэлийн өвчин арай л орчин үеийнх шиг санагдсан, одоо л тиймэрхүү өвчин оношлогддог болсон юм биш үү?

-Хөгшин ээж маань хоёр гар нь арвагар, хөл нь мэдээгүй хүн байсан. Намайг ухаан ороход л хөгшин ээж маань дөрвөн мөч нь мэдээгүй байлаа. “Яагаад ийм болчихсон юм бэ” гэхээр “Нялх биетэй байхдаа шөнө өдөргүй, борви бохисхийлгүй ажилладаг, нойргүй хонодог, бороо шавар усанд үнээ мал саасаар байгаад ийм болсон” гэдэг. Төлөвлөгөө биелүүлэх гэж ийм болсон гэдгээ улс төрийн шалтгаанаар ярьдаггүй байсан юм билээ.

– Х.Чойбалсан Зөвлөлтөд эмчлүүлэхээр галт тэргэнд явахдаа малчин эмэгтэйн захидлыг уншиж, үнэрлэж үзээд “Энэ захианаас хоол, сүү тос үнэртэхгүй байна” гэж шимширдэг хэсэгт уйлмаар санагдсан. Үнэхээр Сэндмаа маршалд захиа бичсэн үү?

-Тэр бол уран сайхны шийдэл. Х.Чойбалсан гэдэг хүнийг ард түмэндээ асар том нүгэл үйлдчихээд, өөрөө бас нэгэн хохирогч болохоор яваа мөчийг гунигтай мөртлөө уран сайхны аргаар харуулахыг хичээсэн юм. Монголдоо эмчлүүлмээр байдаг, өөрийг нь эмчлэх чадалтай оточ маарамба бүхнээ устгачихсан, миний өмнө хоёр Ерөнхий сайд очоод өөд болчихсон шүү дээ гээд цаанаасаа зөнтэй айдастай, өөрийн хүслээр бус, өвлийн ид хүйтнээр Улс төрийн товчооны шийдвэрээр явж байгаа үед нь энэ хүний сэтгэлийг яаж хөдөлгөх вэ гэж бодоод Сэндмаа , Чойбалсан хоёрыг захиагаар холбосон юм. Номын нэг гол баатар нь төр засаг, нөгөө гол дүр нь ард түмэн. Ард түмнийг төлөөлсөн Сэндмаагийн дүрийн уулзах цэг болгож захиаг гаргаж ирсэн л дээ. Гэхдээ захианы үнэрийг би мэднэ. Оюутан байхдаа хөдөө мал маллаж байхдаа уншиж байсан номоо гадаадад авч явж үзсэн. Тэгэхэд монгол ахуй тэр чигээрээ үнэртдэг.

-Францад “Ногоон нүдэн лам” хэвлүүлэх гэж нүсэр ажил болсон байх. Энэ бүхний дараа та сэтгэл ханамжтай үлдсэн үү?

-Гадаад зах зээлд ном гаргахын өмнө зах зээлийн шалгуур хангахад асар их хөрөнгө оруулалт шаарддаг юм байна. Тэдний санаанд хүртэл редакторлох хэрэгтэй болдог. Яг манай санал болгосон редактороор, түүний хэлсэн ханшаар, бидний сэтгэлд хүртэл засуул гэдэг. Тэр зах зээлд номоо гаргана гэвэл тэдний итгэлийг даах, тэдэнтэй ажиллаж сурсан редакторуудад нь л номоо өгөхөөс аргагүй. Тийм маягаар зах зээлийн шаардлагыг хангатлаа биднээс мөнгө гарч байгаа юм. Шинэ зах зээлд огт танихгүй зохиогч гараад ирэхээр “Өөрсдөө ирж харагд, танигд” гэдэг. Тэгэхээр бид өөрсдөө зардлаа гаргаад очиж, аялж, уулзалтууд хийхэд дахиад мөнгө зарцуулна. Гадаад зах зээлд монгол шинэ бүтээгдэхүүн гаргана гэдэг маш их тэвчээр, хөрөнгө оруулалт, уйгагүй ажиллагаа, цаг хугацаа шаардагддаг. Ингэж их хөдөлмөрлөж байж арай хийж гадаад зах зээлд гарч байгаа учраас энэ зах зээлдээ амжилт олох хэрэгтэй болно.

-Чамгүй хөрөнгө зарж, Францад хэвлэгдэн, борлуулагдаж эхэлсэн “Ногоон нүдэн лам” ямар үнэтэй борлогдож байгаа вэ?

-Өндөр үнэлгээтэй гарч байгаа. Гэхдээ бид хэзээ тэр номноос ашиг хүртэхийг хэлж мэдэхгүй. Одоогоор зөвхөн зардал л гардаг. Би Жеффд хэлдэг юм. Би судалгаагаа хийж, түүх цуглуулж үйл явдлыг босгосон, чи англи хэл дээр тэдэнд таалагдах хэмжээнд найруулж бичих ажлаа хий. Дээр нь гадаад зах зээлд гарах зардлыг гарга гэдэг. Ерөнхийдөө гадаадын зах зээлд монгол роман гаргах гол хөрөнгө оруулагч нь Жефф. Түүний гаргасан зардал хэзээ нөхөгдөхийг мэдэхгүй.

-Францаас гадна өөр орны хэвлэлийн компанийнхан “Ногоон нүдэн лам”-ыг сонирхож байгаа гэлүү?

-Одоогоор Итали, Японы хэвлэх компанийнхан уншиж байна. Америкийн нэг агент уншиж эхэлсэн. Америкт долоо дахь агент уншиж байна даа. Зургаан агент уншиж үзээд татгалзсан.

-Эхний гадаад уншигчид энэ номыг яаж хүлээж авсан бол. Монголыг хэн сонирхдог вэ?

-Хамгийн сонирхолтой нь өөрөө очиж, уулзалт хийхэд гарын үсэг зуруулж, ном худалдаж авах хүмүүс олон байдаг. Монголыг сонирхдог, манай орны тухай сонссон хүмүүс зорьж ирдэг юм. Монголын тухай огт сонсоогүй хүмүүс номын дэлгүүрээс худалдаж авахад л жинхэнэ зах зээл байна уу гэдэг мэдрэгдэнэ шүү дээ. Бидний огт очоогүй газраас санамсаргүй тохиолдлоор манай номыг худалдаж авч уншаад сэтгэл нь хөдлөөд захиа бичсэн анхны уншигчийн сэтгэгдлийг хэд хоногийн өмнө хүлээж авсан. Брижит гэж франц эмэгтэй ”Би Монгол гэдэг орныг мэдэхгүй. Амралтаараа шинэ ном уншмаар санагдаад, номын дэлгүүрт очиход ийм шинэ ном ирсэн гээд таны номыг үзүүлсэн юм. Таны номыг санамсаргүй уншсан чинь өөртөө цоо шинэ нээлт хийлээ. Их сайхан улс, гунигтай түүх юм байна. Үүнийг мэдсэндээ баяртай байна. Та нар энэ номоо амжилтанд хүргээрэй” гэсэн урамтай захиа ирүүлсэн байна лээ.

-Монголчуудын туулсан зам, харах өнцөг өөр шүү дээ. Францын зах зээлд гарахын тулд “Ногоон нүдэн лам” хэр их “эвдэрсэн” бол?

-Гадаад уран зохиолын редактор гэж байдаг. Тэд номыг маань уншаад “Таны ном ерөнхийдөө таалагдлаа. Манай зах зээлд энэ номыг гаргаж болох юм байна. Гэхдээ европчуудын хувьд дэлхийн II дайн чухал учраас энэ үед монголчууд ямар амьдралыг туулсан тухай хоёр, гурван бүлэг нэмж бичээч” гэх юм уу, эсвэл “Манай хувьд ийм ийм үйл явдал тийм ч чухал биш. Тэр хэсгийг нь хасаач”, “Зохиол дотор чинь европчуудын хүлээн зөвшөөрөхөөргүй үг хэллэг байна, засаарай гэж болно. Анхны ноорог маань 535 хуудас байсан ч “300 хуудас болтол багасгаач” гэсэн. Тэдний санал болгосон редакторыг хөлсөлж, түүнийх нь хэлсэн ханшаар редакторлуулахад 40 сая төгрөг зарцуулсан. Ийм түүхтэй гадаад зах зээлд гарсан даа.