Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерээд оны Монголын контемпорари урлагийн алтан хараацайнуудын үзэсгэлэн дахин дэлгэгдлээ

Монголын уран зургийн галерейд бямба гаригт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Монголын контемпорари урлагийн “Эхлэл”-ийг харуулсан уг үзэсгэлэнгийн куратораар Ардын зураач Н.Цүлтэмийн бага охин, урлаг судлалын ухааны доктор М.Уранчимэг ажилласан юм. Уг үзэсгэлэн түүний кураторын 25 жилийн ойтой давхацжээ.

“Эхлэл” үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажилласан Ц.Уранчимэг нээлтийн үеэр ийнхүү ярьсан юм.

-“Эхлэл” үзэсгэлэнгээрээ энэ гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг толилуулъя гэж бодсон маань учиртай. Контемпорари урлаг хүчээ авч байна. Энэ залуус контемпорари гэж нэр томъёо монгол хэлэнд ороогүй байхад 1989 онд энэ урсгалыг эхлүүлж байсан юм. Энэ түүхийг залуус мэдэхгүй байна. Би судлаач хүн учраас энэ мартагдсан түүхийг үзэгчдэд сануулах, танилцуулах хэрэгтэй гэж бодсон юм. Та бидний гучаад жил үзээгүй эдгээр уран бүтээлийг дахин дэлгэн харуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан хувьсгал Монголд зөвхөн улс төр эдийн засгийн хүрээнд явсан юм биш. Улс төртэй огт холбоогүй, чөлөөт сэтгэхүй, болон өөрийн үзэл бодлоороо ялгарч, урлагийн талаарх ойлголт (концепци) нь тухайн нийгмийнхээ хүлээсэнд баригдахгүй болсон хэдэн залуу уран бүтээлчид Монголын контемпорари урлагийн эхлэлийг тавьсан юм. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй гэлээ.

Зураач С.Машбатын “Дөнгөтэй бүжиг” зураг “Эхлэл” үзэсгэлэнд тавигдсан нь содон үзэгдсэн. Тэрбээр 1990 онд “Бухимдал” зургаараа нийгмийнхээ бухимдлыг илэрхийлж явсан уран бүтээлч.

С.Машбат хэлэхдээ “Бухимдаад л зураад байсан. Зогсонги үеийг бид эвдсэн. “Ногоон морь” нийгэмлэгийнхэн “Тунхаг” гаргаж байлаа. Бид эхлэл гэж хэлэхэд хэцүү. Монголын дэвшилтэт зураачдын хийсэн ажлыг бид үргэлжлүүлсэн” гэв.

-Тухайн үед үзэгчид та бүхний уран бүтээлийг яаж хүлээж авч байсан бэ?

-Ардын зураач Л.Гаваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом нар дэмжсэн. Бусад нь надтай муудсан. Заримтай нь бүр барилцаж авч явлаа. Биднийг ад үзэж байсан хүмүүс сүүлдээ хайртай болсон л доо. Ний нуугүй хэлэхэд бид жаахан эрт илүү сэтгэж байсан юм болов уу гэж бодогдож байна гэлээ.

Зураач Б.Вандан үзэсгэлэнгийн нээлтэд олуулаа ирсэн байлаа.

-Таны“Нэг алхам” гэж зураг их таалагдлаа. Тухайн үеийн зогсонги нийгэмд зоригтой, шинэлэг байж чадсан уран бүтээлчид гэж та бүхнийг тодорхойлж байна?

-Тухайн үед социалист реализм хүчтэй юм байлаа. Цензуртэй. Бидний бүтээлүүд тавигддаггүй. Манай “Тэнгэр” нийгэмлэгийнхэн өөрсөддөө л зориулж зурж байсан. Манай зураачид ихэвчлэн Дүрслэх урлагийн дунд сургууль төгссөн хүмүүс. С.Дондог багшийн шавь л даа, би. Тэр үед мэдээлэл ховор. Гадаадын сэтгүүлээс мэдээлэл авч байсан. Сальвадор Дали гэхээр хөрөнгөтөн орны зураач гэдэг. Хийсвэр урлаг зурлаа гэдэг байж. Тэд бидэнд сонин. Хүн хаалттай нууцлаг юмыг их сонирхдог юм билээ.

Тухайн үед биднийг маш их шүүмжилдэг байлаа. Ер нь шинэ юмыг хүмүүс тэгж л хүлээж авдаг. “Та нар өөрсдөө хийж байгаа юмаа ойлгохгүй байна” гээд янз бүрээр л шүүмжилдэг байсан. Энэ чиглэлийн ном ч ховор байж. Бид чинь нарийндаа бол дуурайх маягтай л эхэлсэн. Сүүлдээ аяндаа өөрийн үзэл бодолтой болж эхэлж байгаа юм л даа. Тэр үед оросын школоор зурж байсан гэв.

-Гучин жилийн өмнөх зургуудаа эргээд харахад ямар сэтгэгдэл төрж байна?

-Сонин байна. Хаалттай үед ингэж сэтгэж байна гэдэг бас л өвөрмөц сонин л харагдаж байна. Тухайн үедээ сонин сэтгэсэн юм байна гэж бодлоо гэв. (инээв)

Үзэсгэлэнгийн нээлтэд БСШУСЯны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн оролцож үг хэлсэн юм.“1989 он Монголд ямар нийгэм байсан билээ. Монголчууд ямар ч бэлтгэлгүй мөртлөө зоригтойгоор шинэ нийгэмд орж чадсан. Тэр үед урлагийн салбар хүндхэн байдалтай зах зээлд шилжиж байлаа. Эдгээр хүмүүс гучин жилийн өмнө залуухан зоригтой, эрч хүчтэй шинэчлэл хийсэн. Өнгөрсөн гучин жилд монголын урлаг дүрслэх урлаг, дүрслэлээр илэрхийлэгддэг тайзны урлагт ямар их өөрчлөлт гарсныг та бүхэн мэдэж байгаа. Эдгээр уран бүтээлчид энэ өөрчлөлтийн эх үүсвэрийг тавьж, бидний өнөөдрийн чөлөөтэй сэтгэх, сэтгэлгээний орон зайн цоожийг зоригтойгоор нээж өгсөн шонхорууд юм. Гайхамшигтай уран бүтээлчдийн дэргэд гайхалтай эмэгтэйчүүд байдаг. Өнөөдрийн гол баатруудын нэг нь урлаг судлаач Ц.Уранчимэг юм. Мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг, боловсрол, судлаачийн ажил, туршлагаараа, гэрийн хүмүүжлээрээ Цүлтэмийн Уранчимэгийн зиндаанд хүрсэн дэлхийнд данстай куратор цөөн билээ. Би өөрөө балетийн бүжигчин хүн. Монголд анх удаа контемпорари урсгалын балетын тоглолт хийж байсан. Эдгээр уран бүтээлчидтэй бүгдтэй нь хамтарч ажиллаж байлаа. Эд маань байгаагүй бол бид өнөөдрийн түвшинд хүрэх байсан болов уу гэж боддог шүү” гэж тэрбээр хэлсэн.

Үүргэвчтэй аялагч, “Шар айраг”ийн Г.Ганхүү нээлтийн ёслолыг хөтөлж, “Appleпродакшн хамтран зохион байгуулжээ.

“Эхлэл” үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Та хүүхдээ аргалдаг уу, анхаардаг уу?

Яавал хүүхдийнхээ жаргал, зовлонг хуваалцах талаар Хүүхдийн номын “Жангар” редакцийн эрхлэгч Б.Дэлгэрмаа, редактор А.Даваасүрэн, Б.Ундрах, “Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат нар бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдтэй ярилцлаа. Мон судар хэвлэлийн газраас жил бүр зохиодог “Соёл гэгээрлийн өдрүүд”-ийн хүрээнд тэд энэ сэдвээр ээж, аавуудад зөвлөсөн юм.

Хүүхдийнхээ мэдрэмжийг хуваалцах нь чухал ажээ. Ээж, аавууд хүүхдээсээ “Юу идсэн бэ”, “Хэнтэй тоглосон бэ” гэж асуудаг мөртлөө “Яагаад гунигтай байгаа юм бэ” гэж асуудаггүй гэнэ л дээ. Томчууд шинэ ном сонгохдоо ихэвчлэн бестселлер болсон номыг худалдаж авдаг бол хүүхдүүд өөрт нь таалагдсан номыг л уншдаг ажээ. Хүүхдийн зохиолч, зураач Маурис Сендакийн жишээ ч энд дурдагдлаа. Алдартай хүүхдийн зохиолчид бяцхан уншигчдаас нь захиа ирдэг. Тэр болгонд нь зохиогч хариу бичдэг гэнэ. Бяцхан хүүд зохиолын баатрынхаа дүрээр мангас зурж илгээжээ. Хариуд нь хүүгийн ээж “Манай хүүхэд таны захиаг аваад баярласандаа идчихлээ” гэжээ. Хүүхдийн зурагт номын хамгийн том шагнал авч байсан энэ зохиолч харин үүнийг “Бяцхан уншигчдаасаа авсан хамгийн том шагнал байлаа” хэмээн тодорхойлжээ. Хүүхэд ийм л чин үнэнч хүмүүс. Хүүхэд юм чинь гэж тоомжиргүй хандаж болохгүй хэмээн хүүхэдтэй ажилладаг эдгээр хүмүүс захьсан шүү.

Хүүхдийн номын редактор А.Даваасүрэн бас нэг түүх ярилаа. “Мон судар” хэвлэлийн газрынхан хүүхдэд үлгэр уншиж өгдөг япончуудын уламжлалт аргаар камишибай буюу гэр театр ажиллуулдаг байна.Тэд энэ цаасан театртайгаа цэцэрлэгийн багачууд болон бага ангийн сурагчид дээр зочилдог. Нэг удаа гэр театртайгаа бяцхан уншигчдад ном уншиж өгөхөөр очжээ. Үлгэрээ уншиж, дуугаа дуулаад явах болсон ч хүүхдүүд “Дахиад уншаад өг” гээд л байж. Тэднийг явахад хүүхдүүд “Баярлалаа” гэцгээжээ. Харин нэг хүү гүйж ирээд, үлгэрч эмэгтэйг үнссэн гэнэ. Сэтгэлээ ингэж л илэрхийлсэн хэрэг.

А.Даваасүрэн “Хүүхдийг жаахан байна, юмны учир ойлгодог болохоор нь ном уншуулна” гэдэг. Гэтэл хүүхэд бага жаахан байхад бүх дадал хэвшил нь суудаг. Энэ насан дээр нь хүүхэдтэйгээ ярилцахгүй юм асуухаар нь “Ээж нь завгүй байна” гээд анхаарахгүй орхичихдог. Хүүхдээ сургуульд орохоор нь гэнэт “Том болчихоод ном уншаач” гээд шахаад эхэлдэг. Хүүхэд шахаж шаардсан юмыг хийх дургүй. Битгий гэсэн зүйл рүү тэмүүлдэг. Эсвэл “Ном уншвал шагнана” гэх байдлаар ханддаг нь буруу” гэлээ. Эцэг эхчүүд асуудлаас зугтах, амарчлах байдлаар хүүхдэд шагнал амалчихдаг. Энэ нь хахуулийн нэг хэлбэр гэсэн юм.

Р.Энхбат захирал “Том хүний зөв, хүүхэд даган дуурайх ёстой” гэх байдлаар хандаж болохгүй. Хүүхдийг өөртэйгээ адил хүн гэж хүлээж авах хэрэгтэй гэсэн юм.

Хүүхэдтэйгээ ажиллана гэж юу вэ?

Өдөржингөө хүүхдээ хооллож, хувцаслаж, “ноцолддог” ээжүүд бий. Гэхдээ л энэ бүхэн хангалттай биш. Хүүхдийнхээ дотоод сэтгэл, мэдрэмж, ухаарлыг нь хуваалцаарай.

Ном, тоглоом хоёр адилхан уу. Хүүхэддээ хэзээнээс эхлээд ном уншуулах нь тохиромжтой вэ?

Нэг настай хүүхдийн хувьд ном тоглоом байдаг.

Хүүхдээ төрсөн цагаас нь эхлээд номтой нөхөрлүүлээрэй. Балчируудад зориулсан хүрч мэдэрдэг ном, хулдаасан, даавуун ном хүртэл бий. Хүүхдэдээ ном авч өгөөд орхичихож болохгүй. Хэрэв ээж, аав нь уншсан номынх нь талаар хүүхэдтэйгээ ярилцдаггүй л бол тэр ном хэрэггүй, бүр тоглоом ч байж чадахгүй гэж Мон судрынхан ярьж байна.

Бага насны хүүхдэд ном танин мэдэхүйн ач холбогдолтой. Сайн зохиол, сайн зурагтай ном байх ёстой. Ном хийсвэр сэтгэлгээг хөгжүүлдэг. Хүүхэд мэдээ орсон цагаас нь “Ном бол миний амьдралын нэг хэсэг” гэж мэдрүүлэх учиртай. Үүний тулд эргэн тойронд нь ном байх ёстой гэнэ шүү.

Хүүхэд хэзээ жаргалтай байдаг вэ?

Мэдээж эцэг эх нь хамт байвал хүүхэд жаргалтай байна. Гэхдээ хамт байхад учир бий. Хүүхэддээ ном, тоглоом, чихэр, эсвэл гар утсаа өгч сатааруулчихаад өөрөө зурагт үзээд суувал аргалах гэдэг ангилалд хамаараад байгаа хэрэг. Эцэг эх болгон хүүхдээ сайн сайхан яваасай гэж хүсдэг ч өөрийн мэдэлгүй хүүхдээ анхаарлынхаа гадна орхичих гээд байдаг гэмтэй.

Хүүхдийн номын “Жангар” редакцийнхан “365 үдэш” хэмээх том зузаан үлгэрийн номоо хийхдээ эцэг эхчүүд орой бүр хүүхдэдээ үлгэр уншиж өгч, 15-30 хормыг зарцуулаасай гэж хүсчээ. Гэтэл хүүхэд нь орой бүр “Ном уншаад өгөөч” гэж гуйгаад байхаар номыг нь нуучихсан эцэг эх ч таарсан гэнэ.

“Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбатаас энэ сэдвээр тодрууллаа.

-Хүүхэддээ ном сонгохын тулд хамт явах ёстой юу. Заримдаа энийг уншаасай гэсэн номыг маань хүүхэд сонирхохгүй мөртлөө ач холбогдолгүй гэж үзсэн номыг уншаад байх юм. Ийм нөхцөлд яаж хандах ёстой вэ?

-Том хүн бүхнийг мэднэ, хүүхэд юу ч мэдэхгүй. Хүүхдийн хийж байгаа бүх үйлдлийг хянах ёстой. Буруу юм руу орчих вий гэсэн хандлага байдаг. Мэдээж хэрэг хүүхдээ хамгаалж, сайхан юмыг хүүхдэдээ зориулъя гэж эцэг эхчүүд хүсдэг. Гэхдээ “Ах нь сургаж дүү нь сонсдог”, “Ахмадын сургааль алт” гэх мэт хуучны хандлага хүүхдэд хүнд тусдаг. Хүүхэд хүлцэнгүй, том хүмүүсийн хэлж ярихыг сонсоод сууж байх ёстой. Бие дааж сонголт хийдэггүй гэж ойлгох нь түгээмэл. Гэтэл тийм байдаггүй юм байна. Хүүхдээ таньж мэдсэн барууны өндөр хөгжилтэй орнуудад бол томчууд нь хүүхдийнхээ алдахыг хараад баярлаад сууж байдаг. Хүүхэд алдаанаасаа л сурдаг.

Хүүхэд нийгэмшээгүй байдаг. Нийгмийн үнэт зүйл, муу муухайг мэдэхгүй. Хүүхэд зөвхөн зөвхөн өөрийнхөөрөө л хардаг. Өөрт нь юу таалагдаж байна түүнийгээ л сонгохыг хичээнэ. Гэтэл эцэг эх нь багадаа уншиж байсан номоо “Чи энийг унш” гээд байдаг. Гуч, дөчин жилийн өмнөх цаг хугацаа одоогоос асар ялгаатай. Тэр үеийн үнэт зүйл өнөөдрийнхөөс огт өөр. Том хүн бол энэ ном хамгийн их борлуулалттай байгаа юм байна. Үүнийг аваад уншчихад алдахгүй юм байна гэдэг. Мэдээж хэрэг олон хүн уншиж, магтаж байгаа юм чинь сайн л ном байх гэдэг. Заримдаа зөвддөг, заримдаа бурууддаг. Хүүхэд тийм биш. Хүүхэд өөрийнхөөрөө л байдаг. Хүүхдээ өөрийнхөөрөө байхыг дэмжих хэрэгтэй.

-Хүүхэд буруу шийдвэр гаргаж болно шүү дээ. Эсвэл хүмүүжилд нь буруугаар нөлөөлөх ном сонгочихвол яах вэ?

-Хүүхэд хэрвээ сонирхож байгаа бол тэр номыг нь аваад өг. Дараа нь уншсан номынхоо тухай ярина шүү дээ. Таны хэлдгээр хүмүүжилд нь муугаар нөлөөлөх ном бол ярилцаад мууг мэдэж авна. Хүмүүс хүүхдийг дандаа л сайн юмаар дүүргэж байдаг сав гээд ойлгочихсон. Бид нэг логикийг ойлгох хэрэгтэй. Сайн юмнаас дандаа сайн юм гардаггүй. Муу юмнаас дандаа муу юм гараад байдаггүй. Хүүхэдтэйгээ ярилцах учиртай. Хүүхэд итгэл үнэмшлээрээ юманд ханддаг. Энэ үед нь аль болохоор ямар ч зүйлд өөрийнхөөрөө хандах зам руу хөтлөх ёстой. Ингэж чадвал насан туршдаа өөртөө эзэн байна. Харин үүний оронд багаас нь заагаад чиглүүлээд, “Томоотой, үгэнд ордог хүүхэд сайн” гээд байх юм бол шийдвэр гаргах чадваргүй, хүний хэлсэнээр явдаг амьтан болно.

Хамгийн гол нь уншсан номынх нь талаар хүүхэдтэйгээ ярьдаг байх ёстой. Хэрвээ ингэж ярьдаггүй бол ном аваад хэрэггүй. Ямар ном авсан, яагад энэ номыг сонгосон. Би ийм ном авлаа гээд ярьж болно.

Бидэнд нийгмээрээ ярих сэдэв байх учиртай. Айл өрх тулгамдсан асуудлаа ярьдаг биз дээ. Түүн шиг манай нийгэмд ямар асуудал байна гээд ярьж байх ёстой. Тийм сэдвүүдийн дагуу бид “Соёл гэгээрлийн өдрүүд”-ийг зохион байгуулж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөговийн иргэд “Жорлонгоо өөрчилье” сургалтанд хамрагдаж, эко жорлонгийн зээл авах боллоо

“Капитрон” банкныхан эко жорлонд хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Эхний ээлжинд Өмнөговь аймгийн есөн сумын иргэдэд энэ боломж нээгдэх юм. УИХ-ын гишүүн, Соёл спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлийн тэргүүлдэг “Нутгийн шийдэл” сан, “Капитрон” банкныхан хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Капитрон” банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр ярихдаа“Капитрон банк байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, хамтран ажиллахыг эрмэлздэг. Манай банкны бусад төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд ч байгаль орчинд ээлтэй бол бид илүү дэмжих чиглэл баримталдаг. “Нутгийн шийдэл” сан төрийн бус байгууллага монголчуудад, тэр тусмаа орон нутгийн иргэдэд хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй төслийг хэрэгжүүлж байгаа нь бидэнд таалагдсан. Эко жорлонг дэмжих хөнгөлөлттэй зээл гаргахыг дэмжиж, ашиг харалгүйгээр, нийгмийн хариуцлагын хүрээнд энэ төслийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай банкны зүгээс эко жорлонг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх юм. Бид бас тухайн орон нутгийн иргэдэд жорлонгоо өөрчлөх мэдлэг олгох сургалтыг санхүүжүүлэх юм. Эхний ээлжинд бид 500 сая төгрөгний санхүүжилт хийхээр төлөвлөсөн. Явц нь ямар байхаас шалтгаалаад энэ тоог нэмэгдүүлэх боломжтой. Эхний ээлжинд зургаан сардаа орон нутагт сургалт хийнэ. Иргэдэд шаардлагатай мэдээлэл өгсний дараа хөнгөлөлттэй зээл олгох ажил долдугаар сараас эхлэнэ гэлээ.

“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл “Жорлонгоо өөрчилье” сургалтыг орон даяар хийсний дараа хувийн хэвшлийнхнийг энэ ажилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байгаа. Хувийн хэвшлийнхэн энэ ажилд оролцсоноор жорлонгоо өөрчлөх ажил жинхэнэ утгаараа хэрэгжнэ. Ялангуяа санхүүгийн байгууллагууд дундаас “Капитрон” банк анхдагч болж байгаад баяртай байна. Бид эхний ээлжинд Өмнөговь аймгийн есөн сумын иргэдийг хамруулсан гурван сургалт хийнэ. Өмнөговийн сургалтанд оролцсон иргэд ямар технологийн жорлон сонгож байна. Тэр сонголтыг хэрэгжүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай болох вэ, хэдийг нь зээлээс санхүүжүүлэх хүсэлтэй байгааг иргэд тодорхойлно. Энэ сургалтыг зээлийн хөтөлбөртэй хамт зохион байгуулсанаар иргэдэд жорлонгоо өөрчлөхөд нь тус дөхөм болно гэж найдаж байна. Зээл гэхээр мөнгө өгөөд орхичихгүй. Энэ удаагийн зээлийг авахаас өмнө хүмүүст жорлонгийн технологийн сургалтыг хийж, дараа нь иргэд сонголт хийх нийгмийн дэмжлэг бий болгож өгье. Дараа нь эко жорлонгоо барьж байгуулахад санхүүжилтээр нь туслая гэсэн гурван шаттай нийгмийн хариуцлагын хөтөлбөр явах юм.

-Эхний удаа зөвхөн Өмнөговийнхонд эко жорлонгийн хөнгөлөлттэй зээл олдох боломжтой гэсэн үг үү?

-“Нутгийн шийдэл” сангийн зүгээс “Капитрон” банкинд санал тавьсан юм. Хөрөнгө бололцоо байвал мэдээж орон даяар хэрэгжүүлэхийг хүснэ. “Нутгийн шийдэл” сангийн зүгээс тодорхой санал тавьсан. Тодорхой нутаг дэвсгэрт, тодорхой технологи дээр, тодорхой хүмүүсийг сонгож эхний ээлжинд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Амжилт гаргасны дараа орон даяар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой. Эхний ээлжинд жишиг тогтоохын тулд Өмнөговь аймгийн есөн суманд хэрэгжүүлье гэсэн санал тавьсан юм.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа: Өмнөговь аймагт “Капитрон” банкны таван тооцооны төв касс байдаг. Энэ салбаруудаараа дамжуулж хэрэгжүүлнэ. Мөн Өмнөговь аймаг онцлогтой. Уул уурхайн чиглэлээр олон компаниуд ажилладаг, ус, байгаль орчны асуудалтай байдаг учраас сонгосон гэв.

-Гэр хорооллын жорлонгуудаас гадна эко жорлон барьж байгуулах, жорлон цэвэрлэх, ялгадсыг боловсруулах гэх мэт үйлчилгээ үзүүлэх жижиг дунд үйлдвэр, компаниудыг дэмжих үү?

Капитрон банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа: Яг энэ төслийн хүрээнд хараахан энэ тухай яригдаагүй байна. Энэ удаа эко жорлонг барьж байгуулахыг дэмжих юм.

“Нутгийн шийдэл” сангийн Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь: 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт хийсэн “Жорлонгоо өөрчилье” сургалтанд 3000 хүн хамрагдсан. Сургалтын явцад дадлага ажил хийх үеэр иргэд ямар жорлон хүсч байгаагаа өөрсдөө тодорхойлдог. Ихэнх хүмүүс жорлонгоо өөрчлөх аргаа олж мэдсэнийхээ дараа санхүүгийн асуудалтай тулгардаг. Жорлонгоо өөрчлөхөд “Ногоон зээл”-ийн хүрээнд туслаач гэсэн санал иргэдээс олон удаа гарсан. Иргэдийн саналыг бид “Капитрон” банкинд уламжлахад дэмжсэнд баяртай байна.

Одоо хийх сургалтын үеэр бид иргэдийн саналыг бас авна. Гүйцэтгэх, нийлүүлэх компаниудыг санхүүжүүлэх шаардлага байгаа эсэхийг судлах юм. Аливаа зүйл дороосоо дээшээ явж байж амжилтанд хүрдэг. Иргэдийн хүссэн, дэмжсэн өөрчлөлт хэрэгжих боломжтой. Үүний дараа хууль эрх зүйн орчныг сайжруулах, стандартыг шинэчлэх ажлууд хийгдэх учиртай. Эко жорлонгийн шинэ стандарт батлагдаж байж гарааны компаниуд энэ ажил руу орж ирнэ шүү дээ. Одоохондоо эко жорлонгийн стандарт батлагдаагүй учраас компаниуд масс үйлдвэрлэл явуулж чадахгүй. Иргэд жорлонгоо хүссэнээрээ байгуулах боломж бас бий.

“Нутгийн шийдэл” сангийн тэргүүн Ц.Оюунгэрэл: Нутгийн шийдэл сан 2007 онд байгуулагдсан. Сүүлийн таван жилийн турш жорлонгийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хугацаанд оюутнуудын хүчээр янз бүрийн эко жорлон барих, хэрэглээнд сургах жижиг хэмжээний төсөл хэрэгжүүлсэн. Хүнд бэлэн жорлон барьж өгөөд, жорлонгоо өөрчлөх ажил хүссэн үр дүнд хүрдэггүй юм байна. Хүмүүс учир шалтгаанаа ойлгож, нийтээрээ өөрчлөгдөхгүй бол цөөхөн хэдэн хүн төслийн жорлонтой бол хөрс, ус бохирдохоос сэргийлж чадахгүй гэдгийг ойлгосон. Тийм учраас бид 2017 оны арваннэгдүгээр сарын 19-нд “Жорлонгоо өөрчилье” үндэсний хэмжээний сургалтын кампанит ажлыг эхлүүлээд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаар тойрсон. Энэ сургалтаар жорлонгоо өөрчлөхөд шаардлагатай технологийн мэдлэг, санхүү болон зохион байгуулалт, эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл олгосон. Хүмүүс жорлонгоо өөрчилье гэхээр санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болдог. Энэ санхүүжилтийг бий болгохоор “Нутгийн шийдэл” сангийнхан хүмүүст хандсан. Яг жорлонд чиглэсэн зээл байдаггүй юм байна. Энэ яриа хэлэлцээр маань амижлтанд хүрсэнд баяртай байна.

-Нэг айлын жорлонг өөрчлөхөд ямар хэмжээний санхүүжилт шаардагдах бол?

-Бид сургалтынхаа явцад “Жорлонгоо өөрчилье” номонд багтсан гадаад дотоодод хэрэгжсэн 17 төрлийн жорлонгийн технологийг танилцуулдаг. Өмнөговь аймагт өмнөх сургалтын явцад жорлонгийн технологи сонгох дадлагын үеэр иргэд хамгийн их таашаасан рейтинг өндөртэй таван технологийг сонгож нарийвчилж заах юм. Жорлонгийн бүхээг хэсгийг хуучин материал оролцуулаад хямд өртгөөр хийх боломжтой. Бүх материалаа шинээр аваад үнэтэй жорлонтой болох ч боломж бий. Ерөнхийдөө бид 300 мянган төгрөгнөөс 2 сая төгрөгт багтах өрхийн жорлонгийн технологийг сургалтын үеэр танилцуулах юм. Тодорхой газар нутагт олон хүн зэрэг өөрчлөлт хийхэд гарах үр дүнг бид харахыг хүсч байна. Мянган жорлонг орон даяар тараагаад гарах эрүүл мэндийн өөрчлөлтийг бид тооцох боломж бага. Харин мянган хүн нэг суманд жорлонгоо өөрчилчихвөл тухайн суман дахь элэгний өвчлөл буурсан уу, гэдэсний халдварт өвчин багассан уу, арьсны харшил цөөрсөн, хөрсний бохирдол буурсан эсэхийг харах боломжтой. Жорлонгоо өөрчилсөнөөр хөрс орчны бохирдол буурах, хүний эрүүл мэндэд гарах шууд нөлөөг хэмжихийн тулд тодорхой цэгийг сонгосон. Бид дараагийн долоо хоногт Өмнөговийг зорих гэж байна. Энэ зундаа багтаад хүмүүс жорлонгоо өөрчлөх бололцоотой гэв.

21 аймагт сургалт хийх үеэрээ “Нутгийн шийдэл” сангийнхан “Та жорлонгоо өөрчлөхөд мөнгө гаргах уу” гэж асуужээ. Цөөнгүй хүмүүс төслийн жорлон хүлээдэг бол Өмнөговь аймгийн сургалтанд хамрагдсан бүх хүн гараа өргөж, жорлонгоо өөрчлөхөд хувь хүн өөрөө мөнгө гаргах боломжтой гэсэн хариуг өгсөн байна. Жорлонгоо өөрчлөхөд мөнгө зарцуулна гэдгээ баянхонгорчууд бас илэрхийлсэн гэнэ.

“Капитрон” банкныхан эко жорлон байгуулахад жилийн найман хувийн хүүтэй зээл олгох юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Хадгаламжийн томьёо

Мөнгөө хадгалах тухай яриа өрнөхөөр хүмүүс ихэвчлэн “Мөнгө байхгүй юм чинь юуг нь хадгалах вэ дээ” гэдэг. Харин МУИС-ийн багш, эдийн засагч, доктор Л.Оюун мөнгө байгаа гэдгийг баталж, түүнийгээ хэрхэн хадгалах тухай зөвлөдөг. Эхлээд тэр “Хадгаламжийн томьёо” гээд баахан тоо харуулах вий. Түүнийг нь мэргэжлийн бус хүн харахад эрээн цоохор юм үзэгдэнэ. Харин Л.Оюун багш мөнөөх томьёогоо ийнхүү “орчуулна”. “Манайхан орлого орж ирэхэд зарцуулаад, үлдсэнийг нь хадгална гэж ойлгодог. Энэ буруу. Орлого орж ирэхээр тодорхой хэсгийг нь хадгаламжиндаа хийгээд, үлдсэнийг нь би жаргалтайгаар үрдэг юм. Цалин гэх мэт тогтмол орлогын 15 хувийг хадгаламжиндаа хийж, харин нэмэгдэл орлогын 50-60 хувийг цааш нь хийдэг” хэмээн туршлага хуваалцсан.

Хадгаламжийн алтан дүрэм: Аль болох эрт, аль болох ихийг, аль болох өндөр хүүтэй хадгаламжинд хадгалах гэнэ шүү. Орлого орж ирсэн өдрөө хадгална. “Маргааш банк орно” гэвэл мөнгө хаашаа ч юм алга болчихдог. Хязгаарлагдмал мөнгөн орлогоор яаж хязгааргүй хэрэглээг санхүүжүүлэх вэ? Харин үүний оронд орлого орж ирмэгц тодорхой хэсгийг нь хадгалаад үлдсэнийг нь хэрэглэх зарчмыг хэвшүүлье. Энэ бол хадгаламжийн зөв томьёо. Орлого олонгуутаа юу авах вэ гэж бодох хэрэггүй. Олсон орлого бүрийнхээ 5-20 хувийг нь хадгалж сурах учиртай. Олсоноо зарцуулаад, үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ гэвэл үлгэрийн далай болно гэсэн шүү.

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюунцэцэг: Шилдэг гэдэгтээ итгэчихсэн хүүхдүүдтэй

“Этүгэн” бүрэн дунд сургуулийн бага ангийн багш Л.Оюунцэцэг дөрөв дэх жилдээ багшилж байгаа. Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийг төгсчээ. Архангайн Өлзийт сумынх гэнэ.


-Анх бага ангийн багш болохын сайхныг хэзээ мэдэрсэн бэ?

-Багшилж эхлээд мэдэрсэн дээ. Жаахан хүүхдүүд хөөрхөн шүү дээ. “За багш аа” гээд гүйгээд байдаг.

-Орчин үеийн бага ангийн багш хэн бэ. Урьд нь анхны багш, А заасан багш гээд маш их хүндэтгэдэг байсан?

-Одоо ч хэвээрээ. Миний санаанд ч бага ангийн багш маань байсаар л байгаа. Би ч бас хүүхдүүдийнхээ зүрхэнд тэгж үлдэхсэн гэж хүсдэг.

-Бага насны хүүхдүүдийн арга эвийг олох хэцүү. Хүүхэд бүр өөрийнхөөрөө байх гэдэг?

-Эхлээд хүүхдээ сонсоно. Тухайн нөхцөлд зохицуулаад эвийг нь олно доо. Бага багаар ятгасаар байгаад өөрийнхөө тал руу эргүүлчихдэг шүү дээ.

-Хүүхэдтэй юу?

-Манай хүүхэд нэг нь хоёрдугаар анги, нөгөө нь хоёр настай. Оюутан байхдаа ээж болчихсон.

-Сурагчид амжилттай сурч байна уу?

-Хүүхдүүд маань сургуулийнхаа бага ангиуд дунд цойлдог л анги. Ямар ч байсан олимпиад уралдаануудад амжилт үзүүлж, медаль “зулгаадаг”. Сая хүртэл ангиа чимж байхдаа “Манай анги хамгийн гоё болно гэдэгт итгэлтэй байна” гээд хоорондоо ярьж байгаа юм. Өнгийн цаасаар цагираг, гинж хийгээд бүтээлүүдээр нь ангиа чимсэн. Ангийнхан маань бүгд өөртөө итгэлтэй. Шилдэг гэдэгтээ итгэчихсэн хүүхдүүдтэй.

-Бага ангийн багш нар бүтээлч байх юм аа. Олон юмыг хийж чаддаг. Тэр мэдлэгээ хаанаас олж авдаг юм бол?

-Заримдаа интернэт ухна. Заримдаа гэнэт гоё санаа аяндаа орж ирдэг.

-Зургаан настай хүүхдийг яаж хичээлд дуртай болгох вэ?

-Нэгдүгээрт, багш сайхан ааштай байх учиртай. Хоёрдугаарт, хүүхдүүдээ залхаахгүйг хичээдэг, зандарч загнаад байдаггүй. Манай ангийн хүүхдүүд ч гэсэн намайг багш гэхээсээ найз нь юм шиг л байдаг. Бүгд шавчихсан, тас тэврээд, зулгаагаад явж байдаг. Би багш, чи сурагч учраас тэгэх, ингэх ёстой гэж тулгадаггүй.

-Хүүхдүүдийнхээ ямар амжилтаар бахархдаг вэ?

-Нэгдүгээр анги авчихаад хавар төгсөх шалгалт өгөх үед хамгийн их бахархсан. Сургалтын менежер орж ирж шалгалтаа авсан. Материал тараагаад 20-30 минутын дараа хүүхдүүд “Бодчихсон” гээд өгөөд байсан. Сургалтын менежер “Үнэн үү, та нар бодчихсон уу” гэж асуугаад. Шалгалтын материалаа зассан чинь 80-аас дээш хувьтай гарсан. Сургалтын менежер “Танай ангийнхан нээрээ тачигнуулж байна аа” гэхэд их баярласан.

-Бага ангийн багш маргаашийн хичээлдээ хэр их бэлтгэдэг бол?

-Маш их бэлтгэнэ. Манайх 8.40-16.30 хүртэл завсаргүй ажилладаг. 14:00 цаг хүртэл хичээлээ хийчихээд, зарим нь гэрийнхээ даалгаврыг хийнэ, зарим нь дугуйландаа орно. Тэр үед нь орхиж болдоггүй. 17:00 цаг өнгөртөл хүүхдүүдээ эцэг эхэд нь хүлээлгэж өгдөг. Түүнээс хойш л сулардаг. Бэлтгэхгүй бол болохгүй.

-Бага ангийн хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэнэ гэдэг эцэг эхчүүдийн хувьд бэрх даваа болсон. “Бидний үеийнхээс өөр болчихож” гэцгээдэг, хүүхдийн даалгаврыг хийлгэхийн тулд эцэг эхчүүд юу анхаарах вэ?

-Манай сургуулийн бага ангийнхан сургууль дээрээ гэрийн даалгавраа хийчихээд харьдаг. Зарим эцэг эхчүүд хүүхдээ хичээл тарж очингуут “Даалгавраа хий” гээд шахаад байдаг. Байнга “Хичээл хий, даалгавар хий” гэж болохгүй. Залхаахгүй байх хэрэгтэй. Гэртээ тоглох үед нь тоглуулчихаад “За одоо хичээлээ хийгээрэй, миний хүү” гэх нь дээр. Гэрийн даалгавраа сургууль дээрээ хийж байгаа хүүхдүүд цаашдаа бие даан даалгавраа хийдэг болно.

-Бага насны хүүхдүүд хариулахад хэцүү асуулт гэнэт тавих үе байдаг. Тийм үед яадаг вэ?

-Шинжлэх ухаан, гариг эрхэс, электрон, нар сар гэх мэт олон зүйлийг сонирхож асуудаг. Мэдэж байвал хариулаад, мэдэхгүй бол “Багш нь мэдэхгүй байна. Мэдчихээд хэлж өгье” гэдэг. Их юм уншиж, үзэж харахгүй л бол хэцүүднэ. Манай ангид зохион бүтээгчийн дугуйланд явахын бөөн хүслэн болсон нэг хүүхэд байдаг. “Багш аа, би энэ сэнсийг зайгаар ажиллуулчихаж чадна ш дээ” гэдэг. Нар туслаа л бол тэр сэнс эргэдэг. Дэвтрийнхээ цаасыг ураад юу л бол юу хийдэг авьяастай сүрхий хүүхэд.

-Дэлхий ертөнц хувирч өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлт дунд зохицож амьдрах иргэд бэлтгэхэд анхаардаг уу. Робот багшийн давуу талын тухай ч сүүлийн үед яригдаж эхэллээ?

-Хүүхдүүдээ насан туршдаа суралцах чадвартай болгохыг бид хичээдэг. Робот багш ажиллана, цахим орчинд өөрсдөө сурчихна, багш хэрэггүй гэх мэт яриа байдаг. Гэхдээ тэр роботод сэтгэл зүрх гэж байхгүй ш дээ. Багш байж л тэр хүүхдүүдийг сургана. Нийгэм хөгжихийн хэрээр багш нар ч адилхан хөгжөөд явах байх гэж боддог.

-Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг уу?

-Сургалт семинарууд хааяа болдог л доо. Тэрэнд нь суухад хэрэгтэй юм их сонсдог. Юм уншиж өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог.

-Олон дугуйлан ажилладаг гэж сонссон?

– Манай сургуульд соробан сампин, теннис, шатар даам, төгөлдөр хуур, морин хуур, гоцлол дуу, гимнастик, цаасан хуйлмал, уран зураг гээд 13 төрлийн дугуйлан хичээллэдэг. Хүүхдүүд маань үндсэн хичээлээ үзчихээд дараа нь өдрийн хоолондоо орж, дугуйлан дамжаандаа хамрагдан, гэрийн даалгавраа хийчихээд харьдаг. Манай сурагчид бас бүгд бишгүүр тоглодог. Гуравдугаар ангиас нь дуу хөгжмийн хичээл дээр бишгүүр орж ирдэг юм.

-Багш өөрөө хэр авьяастай хүн бэ?

-Жаахан авьяастай байхгүй бол болохгүй. Урлагийн үзлэг болоход ангийнхандаа өөрөө бүжиг заачихна. Дуулчихна, зурна, юмханаар юм хийчихнэ.

-Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг яаж сургуульд бэлтгэх вэ, ямар чадвар суулгасан байх ёстой вэ?

-Сургуульд орчихоод гэртээ байгаа юм шиг байж болохгүй гэдгийг анхааруулах нь чухал. Сууж чаддаггүй хүүхдүүд байдаг. Ядаж гурван минут төвлөрөөд суудаг бол болчихмоор санагддаг. Бусад нь яах вэ, жаахан хүүхэд тоглож үсэрч харайхыг цагдаж болохгүй. Яг чухал үед, хэрэгтэй юм ойлгуулах гээд хичээж байхад багшийгаа анхаараад хэсэгхэн суучихдаг бол болчихно.

-Гарыг нь зураг зурж, юм бичихэд дасгах шаардлагатай юу?

-Цэцэрлэгт явдаг хүүхдүүд тийм чадвартай байдаг. Явдаггүй бол тийм биш л дээ. Бичих дасгал хангалттай хийлгээд, сарын дотор зүгширээд ирнэ. Хамгийн гол нь чухал үед хэдхэн хором анхаарлаа төвлөрүүлчихдэг бол болчихно. Одоо бичиж, зурж чаддаггүй хүүхэд орж ирэх нь ховор. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаардаг болчихсон. Сургуульд бараг уншиж бичдэг хүүхдүүд орж ирдэг. Бас сургуулиас өмнө уншиж бичиж сургах гээд залхаачихвал хэцүү. Сонирхол буурна. Шинэ үсэг заах гэхээр “Өө тийм үсэг ш дээ наадах чинь” гээд хайнга суух тохиолдол байдаг.

-“Этүгэн” сургуулийн сургалтын онцлог байдаг уу?

-Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэж хичээдэг. Бас сурагчдаа эрүүл зан үйлд сургахад анхаардаг юм. Сурагчид маань хоол идэх тоолондоо гар, шүдээ угааж хэвшсэн. Өвөлдөө жамц давстай усаар хоолойг нь зайлуулдаг. Манай анги болгон ус шүүгчтэй. Ус уухад хүүхдүүд маань ядрахгүй байх бас нэг үндэс гэж бид үздэг. Сургууль маань эрүүл мэнд, санхүүгийн боловсролыг хүүхэд бүртээ олгохыг хичээдэг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Очгэрэл: Нүүрний будаг, тосоо ч өөрсдөө хийгээд сурчихъя гэсэн юм

Элдэв ургамалын содон үнэр ханхалсан өрөөнд ороход Улаанбаатарын хөл ихтэй амьдралаас зайдуу ирсэн мэт сэтгэгдэл төрсөн шүү. Өрөөний нэг ханыг амьд агаар цэвэршүүлэгч болох ургамал, ногоон навчаар бүржээ. Гэрлийн чийдэнд тарагны шил углаад, обжур болгосон нь хямдаас гадна содон үзэгдэнэ. Уулнаас хугарсан мөчир авчраад, сараалжин тортой таазны хэсэгтээ “хаясан” нь ойн уур амьсгалыг авчрах мэт. Тэр ч байтугай хатсан цэцгийн баглааг хаяхын оронд чимэглэл болгож уруу нь харуулан дүүжилжээ. Энд бас хар өнгийн үстэй, модон иштэй шүдний сойз, жорлон угаагч “зараа” нь хүртэл био бүтээгдэхүүн болохыг олж харах вий. “Био амьдрал” дэлгүүрийг үүсгэн байгуулагчдын нэг А.Очгэрэл бүсгүйтэй био амьдралын философиос нь хуваалцлаа. Түүнийг нөхөд нь Ожинка гэж дуудах юм билээ.

-Ожинка өөрийгөө танилцуулаач. Улаанбаатарт био философийг авчрах санаа яаж төрсөн бэ?

-Би сэтгэл зүйч мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээажилладаггүй. 19 жил Чехэд амьдарч байгааднэг сарын сүүлээр Монголдоо ирсэн.Ирсэн гол зорилго маань хүний нутагт сурсан мэдсэн, сайхан санагдсан бүхнийг Монголдоо нутагшуулах.XXI зууны хандлага био, органик, эко, хүний эрүүл мэндэд халгүй, байгальд ээлтэй байх шүү дээ. Бизнес,хувь хүний хөгжил, нийгмийн бодлого дээр ч энэ хандлага бий. Бид монголчууд хөгжлийн хувьд хоцорч байгаа гээд хойш суугаад, урсгал дагадаг. Тэр нь надад онцгүй санагдаад, эх орондоо ирж, нэг алхмын өмнө ч болов асуудлыг шийдье гээд зориглосон юм. Эрсдэл өндөр байсан. Яагаад гэхээр манайхан иймэрхүү амьдралын хэв маягт хараахан дасаагүй. Олонхи нь өнөө, маргаашийн талхандаа санаа тавьж байгаа. Тэдний хувьд био, органик хүнс сонин биш. Гэхдээ биэнэ бизнесийг зөвхөн баян хүмүүст зориулахыг хүсээгүй.Дундажамьдралтай хүмүүст хүрэхийг хичээж байна.Хэрэглээ нь цөөхөн бөгөөд чанартай бол харинч хэмнэлттэй тусна. Хэрэглэсэн бүтээгдэхүүн нь байгальд ээлтэй, агаар хөрс бохирдуулахгүй байх учиртай. Эдийн засаг байгалийн хүчин зүйлсээс хамаарч байдаг. Усхомсдож, байгалийн баялагийн нөөц шавхагдан,хөрс бохирдоод, үр тариа ургуулах газар хомсдоод эхэлбэлюмны үнэ нэмэгдээд эхэлдэг.Гэтэл бид эдийн засгийн өсөлтийг байгальтайгаа холбож ойлгодоггүй.Банкны хэдэн статистикаар төсөөлдөг. Бид “Үр минь үлдэх хорвоо” гэж ярьдаг мөртлөө байгальдаа ямар хор учруулж байгаагаа төдийлөн анзаардаггүй. Тийм учраас байгалиа түшиглэсэн концепциор бизнесээ эхэлсэн. Монголд эрүүл амьдрал гэдэг ойлголт буруу хөгжөөд байх шиг санагддаг. Дэндүү эго буюу би гэсэн сэтгэлээр байгальд ээлгүй хэрэглээг өөгшүүлж байна.

-Ингэхэд био бүсгүйчүүд өөрсдөө ахуйн хэрэглээний зүйлсээ урладаг гэсэн үү?

-Эмэгтэй хүн өдөр тутмын ахуйн хэрэглээний зүйлсээ өөрсдөө хийх нь үр дүнтэй гэж үздэг. Зар сурталчилгааны боол болохгүй байя. Хүнийгар нүдэнд харагдах тархи гэж ярьдаг. Гараараа юм хийх тусам сэтгэн бодох чадвар сайжирдаг. Юмыг өөр өнцгөөс харж эхэлдэг. Өөрөө хийдэгхүнбүтээлч болно. Манай эдийн засаг дотроосоо, цөмөөсөө хөгжнө. Бид манайсургалтын өрөөнд сууж байна. Түүхий эдашиглаад өөрсдөө юмаа хийнэ. Эмэгтэйчүүд болсон хойно өдөр тутам юу хамгийн их хэрэглэдэг билээ. Нүүрний будаг, тосоо ч өөрсдөө хийгээд сурчихъя гэсэн юм.Манайд бас цайны өрөө бий. Цай уухсоёлыг Монголд түгээе. Бидний уламжлалт цай сүүтэй цай. Өглөө нь халуун савтай цай хийгээд, түүнийгээ өдөржингөө уудаг. Энэ уламжлал маань ч алдагдаад байгаа. Хүмүүс ихэвчлэн гадуур ус, ундаа ууцгааж, халуун бүлээн юмнаас холдчихсон. Халуун бүлээнээс холдохоор халуун дулаан яриа өрнөхгүй.Манай цайны өрөөнд хүүхнүүд хоёр гурваараа ирээд, халуун цай уунгаа амьдралын сайхан муухайгаа ярилцаж тухтай суудаг. Цайгаар дамжуулаад хэрэглээний шинэ соёл бий болгож байгаа.

-Ногоон цай юу, ямар цай уудаг вэ?

-Төрөл бүрийн цай бий. Ногоон цай, жимстэй цай, ургамалын цай. Ер нь 250-иад төрлийн цай бий.

-Био цайны түүхий эдээ хаанаас авдаг вэ, зарим хүмүүс нохойн хошуу түүгээд, цай чанаж уудаг.Иймэрхүү цайг хэлж байна уу өөр төрлийн цайны тухай ярьж байна уу?

-Био гэдэг тодотгол хүнсэн дээр хэрэглэгддэг. Харинэко машин гэх мэтчилэн тодотгодог. Органик гэдэг нь Америкт хэрэглэгддэг. Европчууд био гэж ярьдаг. Био, органик гэж бид хослуулж хэрэглэдэг юм. Био цай гэхээр ямар нэг химийн нэмэлт бодисууд ороогүй, ягбайгалийнхаа жамаар ургуулсан хамгийн гол нь эзэнтэй бүтээгдэхүүн. Хэн хаана яаж тарьж, ургуулсан мэдээлэл нь бүгд тодорхой байдаг. Жишээ нь “Сэтгэлийн толь” гэж цай бий.Био цайны бүх илэрхийллийг би танд хэлье. Энэ цай гялгар уут гэж харагддаг ч эрдэнэ шишийн цардуулаас гаргаж авсан тусгай материалтай ууттай. Байгальд долоо хоноод задарна. Энэ бор цаас нь ямар нэгэн цайруулах материал агуулаагүй. Мөн л байгальдхоргүй задарна. Энэ цайг хийсэн хүний нэр шошгон дээрээ байна.

ЦайгЧехээс оруулж ирсэн юм. Био гэдгийг илэрхийлсэн Европын холбооны тэмдэгтэй. Хайрцаг сав нь байгальд хоргүй, шингэдэг. Цайболгон өөрийн регистрийн дугаартай. Ямар нэгасуудал гарвал энэ дугаараар нь хөөж олно. Цайнд агуулагдаж буй бүх ургамалууд нь химийн бодис агуулаагүй.

-Буух эзэн буцах хаягтай юм аа. Монголд эзэнтэй цай бий юу?

-Манайхан гэртээ хийсэн юм аа органик, био гэж нэрлээд байгаа. Гэвч ямар хөрсөнд, хэн, яаж тарьсан ньтодорхойгүй. Түүхий эдийг нь нэг газраас аваад гэртээ савлачихдаг. Ихэнхи хүмүүс органик гэхээр гэртээ гараараа хийсэн зүйл гэж ойлгодог. Гэвч органик гэхээр ямар бордоо хэрэглэсэн нь ч чухал. Миний гол зорилго дэлхийн стандартыг Монголдоо оруулж ирээд, яг энэ жишгээ бариад, монголчуудтайгаа хамтарч ажиллавал дэлхийд гарахад хялбар болно гэж найддаг. Манайд импортийн жишиг бараанууд байна. Энэ цайны бас нэг онцлог гараар тариад, хураагаад, бүгдийг гар аргаар савласан. Ямар нэг байдлаар төмөртэй контактлаагүй. Гараар савладаг хүмүүс нь ганц бие ээжүүд байдаг. Ганц цай бус бүхэл бүтэн процесс юм шүү дээ.

-Танай фэйсбүүк хаягаар орж үзсэн. Монгол эмэгтэйчүүдийн урласан бүтээгдэхүүнийг борлуулахад туслах санаатай юм байна гэж ойлгосон?

– Монголд ирээд цайны уут захиалгаар хийлгэсэн. Монгол ээж нар буюу хоригдож байгаабүсгүйчүүд урласан юм. Пакеттай цайгаа эндээхийж болно. Халуун ус энд тэндээс аваад цайгаа уучихна. Кредит карт агуулж болно. Гол онцлог нь байгалийн материалтай, монгол хүүхнүүд оёсон. Монголд хийсэн саван байна. Байгальд шингэдэгбор цаастай, орцыг нь бичсэн, чацарганатай саван. Нягтрал сайтай учраас удаан хэрэглэгдэнэ. Нүүрстэй саванг бас нэг монгол ээж хийж байгаа. Нүүр цэвэрлэгч саван л даа. Бас нэгмонгол ээжийн хийсэн лаа байна. Лааны сав нь шил байх учиртай. Шил биш бол дахин хэрэглэгдэхгүй хаягдал болно. Шар буурцагны тос болон тансаг үнэрт эфирийн тос ашиглан гар аргаар хийсэн лаа юм. Гэтэл жирийнлаанд парафин гэдэг газрын тосноос гаргаж авсан хаягдал бодисордог шүү дээ.

Монгол гоёлууд байна. Чулуу бүр өөрийн онцлогтой, бүтээгдэхүүн болгон өөрийн кодтой. Энд бас эмчилгээний дэр байна. Бид энэ ээж нарт юугаараа тус болж байна гэхээр “Дэлхийн жишиг ийм байна. Ийм стандартаар хийгээд ирвэл хамтарч ажиллая” гэдэг. Чехийн био дэлгүүрт ороход ихэнхи нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг чех хүмүүсээ дэмжсэн худалдааны философитойбайдаг.Тэр нь надад их таалагдсан. Аливаа юм ганцаараа бус цогцоороо байж хөгжих юм байна.

Био худалдаа гэдэг хэн нэгнийг дэмжиж, нэгэнд нь нөгөөг нь танилцуулжбайждэлгэрдэг. Тийм учраас та манай дэлгүүрийн сурталчилгаагэнд тэнд харахгүй.Бидний философийг ойлгосон, бүтээгдэхүүний чанарыг мэдэрсэн хүмүүс л бидэнд ханддаг. Тэр нь бидэнд урам зориг өгдөг.Бид зөв юм хийгээд байна гэсэн үг.

-Био бүтээгдэхүүн гэхээр харьцангуй үнэтэй байдаг?

-Био бүтээгдэхүүн аль ч улсад харьцангуй үнэтэй. Ийм байж хөрсөө хамгаална, хүн цалинжуулна. Тонн тонноор нь үйлдвэрлэдэг масст зориулсан бүтээгдэхүүн биш. Амьдрал өөрөө сонголт. Арван ширхэг жирийн бүтээгдэхүүн авах уу,нэг ширхэг чанартай бүтээгдэхүүн авах уу гэдэг хувь хүний сонголт юм.

Бидсонголтыг бий болгох гэж хичээдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнээс харшдаг ч нүүрээ будмаар байгаа эмэгтэй байвалманайд ирээд био косметик авч болно. Хүмүүсийн хэрэгцээнд тулгуурлаад сонголт бий болгож байгаа юм. Түүнээс биш заавал био бүтээгдэхүүн сонгох ёстой гэхгүй ээ.

-Энэ өрөөнд шил савтай зүйлс их байна аа?

-Био амьдралын нэг гоё зүйл нь байгалийн материалаа түшиглэдэг. Энд ургамалын тос, цэцгийн нэрмэл уснууд байна. Эфирийн тоснууд байна. Энэ бүгдийн технологийг нь мэдээд, жорыг нь тохируулж чадвалта нүүрний тос бүх зүйлсээ өөрөө хийж чадна.

-Гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрөө хийнэ гэхээр химийн тусгай мэдлэг шаардлагатай юу?

-Үгүй л дээ. Эрт үеэс хүүхнүүд гоо сайхны зүйлсээ өөрсдөө хийж ирсэн. Тэд бүгд химийн мэдлэгтэй байгаагүй.Амьдралын туршлага, хүсэл зорилго нөлөөлнө.Хоол хийхтэй адил. Хоол хийж сурахдаа инстинктээрээ хийдэг шүү дээ.

-Та бас хэрэглэдэг зүйлсээөөрөө хийдэг үү?

-Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ, нүүрний тосоо, гэр ахуйн зүйлс угаалгын нунтаг, савангаа өөрөө хийдэг.

-Тэр воок, савангаа юугаар хийж байна?

-Ургамалын тоснууд байна. Саван хийхэд хэрэгтэй түүхий эд нь байна. Суурь нь тоснууд. Хийсэн савангаа үрээд, нунтаглаж, содтой холиод угаалгын нунтаг хийчихнэ. Дэлгүүрээс авч байгаа угаалгын нунтагийн 80 хувь нь сод байдаг.Үлдсэн 20хувь нь янз бүрийн үнэр, өнгө зүс оруулагч. Цэвэрлэгээний гол бодис сод. Содыг дангаар нь аваад савантай холиод, хоёр гурван дусал эфирийн тос дусаахад угаалгын нунтаг болно.

-Орчин үеийн хүмүүс завгүй болсон. Дэлгүүрээс худалдаж авахад болох зүйлийг өөрөө хийх гэж зүдрэх шаардлагагүй гэж хүүхнүүд хэлэх байх даа?

-Цаг хэмнэж байна гээд дэлгүүрээс бэлэн юм авчихдаг. Тэр мөнгийг олохын тулд хэдэн цаг ажил хийнэ. Тэгэхээр дүндээ дүн болчихдог. Бид дэлгүүр хэсэхэд цаг зарцуулахын орондгэртээ хийчихвэл цагаа, мөнгөө ч хэмнэнэ. Эргэлзээтэй сонсогдож мэдэх ч энэ амьдралын хэв маягт ороход үр дүнг нь мэдрэнэ. Дэлхий нийтээрээ ногоон урсгал руу тэмүүлж байгаа.

Өөрсдөө гар дорх материалаа ашиглаж юмаа хийе. Аль болохмассын, маркетингийн өдөр болгонбидэнд дарамт өгдөг зүйлсээс хол байя.Зурагтаа асаагаад л бидзар сурталчилгаа үздэг.Төдий л хайхардаггүймэт мөртлөө тархинд мэдээлэл өгөөд байдаг. Дэлгүүрт ороход зурагтаар үзсэн зүйлс маань танил харагдаж, итгэл үнэмшилтэй санагдаад өөрийн эрхгүй худалдаж авдаг.Бидний сэтгэл зүй дээр тоглолт хийж мөнгө босгож авдаг. Түүнээс жаахан хөндий баймаар байна. Яахав авдаг хүмүүс нь авч л байг. Гэхдээ бас өөр амьдралын хэв маяг бас бий шүү гэдгийг үзүүлэхийг хичээж байна.

-Ямар төрлийн сургалт хийдэг вэ?

-Салбартаа нэртэй, хийсэн зүйлтэй хүмүүсийг урьж сонсдог. Ээж нарт хандсан, хүүхдүүдээ уламжлалтаргаар хүмүүжүүлэх, эмгүйгээр хүүхдээ эмчлэх тухай сургалт хийхээр төлөвлөж байна. Дараа нь уран бичлэгийн тухай сонсоно. Хамгийн хямд зардлаар яаж дэлхийг тойрох тухай ч ярилцах юм.

Бид эмэгтэйчүүдийн хувь хүний хөгжилд маш их анхаарч сэдвүүдээ сонгодог.Өнөө цагийн эмэгтэйямар байх ёстой вэ. Бид эмэгтэй хүн гэхээр ажилдаа сайн, гэрээ ч сайн цэвэрлэдэг, хүүхдээ арчилдаг байх ёстой гэдэг. Тэр бүх шалгуурыг хангасан эмэгтэй насны эцэст аз жаргалгүй байх нь бий. Хүүхдүүд нь том болоод явчихвал ганцаардана. Эмэгтэй хүний аз жаргал бие даах чадвар дээр тогтдог. Эмэгтэй хүн бусдаас бага хамаарах тусмаа өөртөө итгэлтэй, дотор нь байдаг охинлог чанар нь дэлгэрдэг юм байна л даа. Охинлог чанар гэдэг нь багаасаа элс чулуун дээр тоглохдоо гараараа урладаг, бүтээдэг. Харинтом болох тусмаа энэ чанар нь алга болчихдог. Манай хүрээнд ороод ирэхээр ямар мэргэжилтэй, хэн байхаас үл хамаараад бүгд гараараа юмаа хийдэг. Энэ агшин аз жаргалыг мэдрүүлдэг юм байна. Бид охидоо багаас нь гүнж хэв маягаар өсгөчихдөг.Эрэгтэй хүнээс бэлэг авах ёстой, болзоонд явах ёстой гээд аз жаргалыг хайр сэтгэлтэй холбодог.Аз жаргалын даавар гараар бүтээх үед ялгардаг юм байна. Тийм учраас монгол хүүхнүүд үйл мэтгэхдээ жаргалтай байж.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Цахим сэтгүүлчид сэтгүүл зүйн IV хувьсгал, хариуцлага, ёс зүйд анхаарал хандууллаа

Цахим сэтгүүлзүйн II форум МУИС-ийн номын сангийн их танхимд боллоо. Ахмад, залуу сэтгүүлчид, дунд үеийнхэн, орон нутгийн сэтгүүлчид оролцсон уг форум илэн далангүй, өөртөө шүүмжлэлтэй, ирээдүйдээ анхаарал хандуулсан уур амьсгалд өрнөв. Албаны хүмүүс мөн оролцож, сонирхолтой статистик хэлцгээлээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат ярихдаа:

Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Цахим бодлогын түр хороо байгуулахыг дэмжсэн. Дэлхий дахинд интернэтэд суурилсан цахим сэтгүүл зүй асар хурдтай хөгжиж байна. Манай Улс 1992 оноос цахилгаан холбооны салбарт технологийн шинэчлэл хийж, 1996 оноос 24 цагийн интернэтэд холбогдох болсноор цахим сэтгүүл зүй хөгжих үндэс тавигдсан. Өнөөдөр Монгол Улсад 350 хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдгаас 89 нь сонин, 80 гаруй нь сэтгүүл, эмхэтгэл, 100 орчим нь мэдээллийн сайт юм. Түүнчлэн Монгол Улс 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар нийгмийн мэдээллийн сүлжээнд бүртгэлтэй 2.1 сая хэрэглэгчтэй, идэвхтэй хэрэглэгч ойролцоогоор нэг саяд хүрч, тэд нь сард дунджаар зургаан коммент бичиж, 18 пост хийн, 11 сурталчилгааны мэдээлэлд хандалт хийдэг судалгаа бий гэв.

Харин Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адьяасүрэн мэдээлэхдээ:

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах газраас гаргадаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 2017 оны статистик мэдээллээс харахад 2011-2017 оны хооронд гар утас хэрэглэгчийн тоо 285 000- 2 сая 500 мянга орчим болж, 877 хувиар өссөн байна. Нийт интернэт хэрэглэгчийн тоо 2.9 саяд хүрч, 586 хувиар өссөн ба нийт дата хэрэглээ 26.5 терабайтад хүрчээ.

Интернэтэд суурилсан аливаа үйлчилгээг иргэдэд хүргэх үндэс суурь хангалттай бүрдсэн. Өнөөдрийн байдлаар нийт сум суурин газруудад өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулагдсан. Одоогоор 26 сум л үлдсэн. Орчин үед цахим орчин нь хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөг баталгаажуулах, ардчиллын ил тод тунгалаг байдлыг хангах, хүмүүс хоорондын холбоо харилцааг сайжруулах зэрэг давуу талуудыг агуулж байна. Гэвч сүүлийн үед цахим орчин дахь хүүхэд хамгаалал, цахим орчны гүтгэлэг доромжлол, нийгмийн сүлжээний худал мэдээлэл, хуурмаг хэрэглэгчийн талаар дэлхий нийтээр хэлэлцүүлэг өрнөж байна. Дэлхийн бусад улс орнуудын хувьд ч энэ асуудал зохицуулалтад байх ёстой талаар хэлэлцэж, тодорхой санал санаачилгууд гарсаар байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд дээрх асуудалтай холбоотой хувь хүн, албан байгууллагаас ихээхэн санал гомдол ирдэг. Энэ зохицуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хамтарч, судалгаа хийж байгаа гэлээ.

О.Ариунбилэг: Төлбөртэй мэдээлэл хүлээж авдаг уншигчдад бид илүү өндөр түвшинд бэлтгэсэн мэдээлэл хүргэнэ

Цахим сэтгүүлчдийг төлөөлж, Gogo сайтын ерөнхий редактор О.Ариунбилэг ярьсан юм.

-Манай сайт өдөрт 250 мянга хүртэл хандалт авдаг. Ёс зүйн код бидний бамбай. Барих зэвсэг маань баримт байх учиртай. Редакцитай, редакцигүй сайтууд гэж хувааж байна. Редакцитай сайтуудад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Сэтгүүлчид маань туршлагагүй байна. Дандаа залуу сэтгүүлчид, охид ажиллаж байна. Мэргэжлээрээ ахиж дэвших боломжийг бид сэтгүүлчдэдээ өгөхгүй байна. Сэтгүүлчдээ бид цаг наргүй ажлаар дардаг. Жаахан цаг гарахаар сэтгүүлчид маань ном уншихгүй байна. Сэтгүүлчдийн суурь мэдлэг хангалтгүй. Сэтгүүлчээсээ ичих нөхцөл байдалд заримдаа ордог.

Удахгүй гал тогооны вэб сайтын үе дуусна. Яагаад гэвэл уншигчид хамгийн хатуу шүүгч. Үнэхээр даацтай чанартай мэдээлэл анализ хүргэдэг бол цаашдаа уншигчдаа хоёр хуваах болов уу. Төлбөртэй мэдээлэл хүлээж авдаг уншигчдад бид илүү өндөр түвшинд бэлтгэсэн мэдээлэл хүргэнэ. Төлбөргүй мэдээлэл хүлээн авагчдад төлбөртэй бэлтгэсэн мэдээллээсээ үнэртэх төдий өгдөг хэлбэрт гадны томоохон сайтууд орчихсон яваа. Ийшээ бид хүссэн хүсээгүй орох ёстой болно.Үүнд шилжихийн тулд биг дата ашигладаг систем рүү нэвтрэх байх л даа.

Бид яагаад олон эх сурвалжаас маш их судалгаа хийж бичсэн контентоо шар мэдээ хүсдэг уншигчдад яг адилхан түвшинд өгөх ёстой юм бэ. Бид ч бас ажлаа үнэлүүлэх ёстой. Сэтгүүл зүйн ирээдүй хамтын ажиллагаа. Цөөн боловсон хүчнээр том контент бүтээхийн тулд бид хамтарч ажиллах ёстой. Өнөөдөр, тав, арван сэтгүүлчтэй редакци сэтгүүлчдээ мэргэшүүлэх боломж гардаггүй юм бол мэргэшсэн хүмүүстэй хамтарч ажиллавал хүн хүчээ хэмнэх боломжтой гэв.

Ц.Чулуунзагд: Блокчейнд суурилсан сэтгүүлчдийн платформууд хийгдэж эхэлсэн

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ц.Чулуунзагд “Дижитал шилжилт”-ийн тухай илтгэлээ. Цахим сэтгүүл зүйн хөгжилд дижитал шилжилт ямар нөлөө үзүүлж байгаа талаар ярья. Дэлхий өөрчлөгдөж байна. Дэлхийн топ таван компани бүгд мэдээлэл технологийнх байна. 2030 он гэхэд цахим шилжилтийн нөлөөгөөр 800 сая хүн ажилгүй болно гэсэн тооцоо бий. Энэ өөрчлөлтүүдэд юу нөлөөлж байна вэ?

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал ид өрнөж байна. Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгал механикжуулалт, уурын эрчим хүч, хоёрдугаар хувьсгалын үед масс үйлдвэрлэл, цахилгаан эрчим хүч орж ирсэн. Гуравдугаар хувьсгалд электроник, мэдээллийн технологи, автоматжуулалт, дөрөвдүгээр хувьсгалын үед зүйлсийн интернэт, кибер физик систем байгаа юм.

Хэвлэл мэдээллийн салбар маань энэ дөрвөн том хувьсгалын хаагуур явсан бэ?

Аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалын үед сонин гарчээ. Харин хоёрдугаар хувьсгалын үеэр телевиз нэвтэрсэн. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгалын үеэр интернэт, вэб сайт газар авсан байна. Тэгэхээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын үед хэвлэл мэдээллийн салбарт ямар өөрчлөлт гарах вэ?

Cloud, IOT буюу зүйлсийн интернэт, блокчейн, хиймэл оюун ухаан, биг дата гээд маш олон зүйлс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалыг бий болгож байна. ХХ зуунд эдийн засгийг хөдөлгөдөг гол хүч газрын тос байсан. XXI зуунд хамгийн үнэтэй баялаг өгөгдөл дата болсон. Энэ өгөгдөл, датаг сэтгүүл зүйн салбарынхан маань хамгийн их үйлдвэрлэдэг. Цахим шилжилт сэтгүүл зүйд эрсдэл бас боломж бий болгож байна. Уламжлалт хэвлэл сошиал медиад байр сууриа алдаж байна. Fake news буюу маш их хуурамч мэдээлэл бий боллоо. Сошиал медиад байр сууриа алдах, уншигчийн итгэлийг алдах тусам ашиг орлого нь багасах болсон. Эрсдлийг тойрох аргууд бий. Now this гээд мэдээллийн агентлаг нэг ч сайт, сонин, телевиз байхгүй. Зөвхөн сошиал медиа дээр үйл ажиллагаа явуулдаг. Эд “Бид хэдхэн секунд хэрэглэгчийн анхаарлыг татахын төлөө дээрээс доош гүйлгэсэн эдийн засгийн өрсөлдөөн дунд оршиж байна” гэж өөрсдийгөө тодорхойлсон. Гэсэн ч тэд уламжлалт медиагаас илүү орлого олдог. Эдний контентыг уламжлалт хэвлэлээс илүү олон хүн үздэг уншдаг болчихсон. Сошиал медиатай дайн зарлахаасаа илүү сайн ашиглах хэрэгтэй.

2020 онд хүмүүс мэдээллийг яаж авдаг болох вэ? Боломж байгаа тухай би түрүүн хэлсэн. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай зэрэгцээд сэтгүүл зүйн дөрөвдүгээр хувьсгалын тухай яригдаж эхэлсэн. Та бүхэн биткойн, криптовалют, блокчейний тухай сонссон. Дэлхийг өөрчилж байгаа энэ технологид суурилаад сэтгүүл зүй хөгжих ёстой. Сэтгүүлчдийн хариуцлагын асуудал яригддаг. Цөөхөн хэдэн сэтгүүлчийн хариуцлагагүй үйлдлээс болоод салбарын нэр хүнд унаж байна. Тэгвэл дэлхийд анх удаа блокчейнд суурилсан сэтгүүл зүйн бүртгэлийг хийж болж байна. Сэтгүүлчдээ хариуцлагын онооны системд оруулж, асуудал гарвал оноог нь хасч, ажиллах эрхийг нь түдгэлзүүлж болно. Төвлөрсөн бус мэдээллийн сүлжээ дэлхийд байгуулагдаж эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжил арван жилээр ухарсан гэж үздэг. Засгийн газрын цензур, гэмт бүлэглэлийн хяналт, редакцийн эздийн хараа хяналт нь шударга бус мэдээ мэдээллийг дамжуулахад хамгийн том нөлөө үзүүлж байна гэж үзэх болсон.

Үүнд тулгуурлаад хараат бус санхүүгийн тогтолцоо бүрдэж эхэллээ. Блокчейнд суурилсан сэтгүүлчдийн платформууд хийгдэж эхэлсэн байна. joincivil.com гэж бий. Publicism.nl гэж бас байна. Pub­licism нь стартап компани. Аль хэдийнэ таван сая долларын хөрөнгө оруулалт босгочихсон. Энэ хавар үйл ажиллагаа эхлэх ажээ. Ингэж төвлөрсөн бус мэдээллийн сүлжээ бий болж байгаа юм. Энд зөвхөн сэтгүүлч нар мэдээллээ түгээж, буцааж орлого олж чаддаг. Блокчейний нэг давуу тал нь хэн ч устгаж, өөрчилж чаддаггүй. Сэтгүүл зүйн дөрөв дэх хувьсгал блокчейнд суурилж хөгжих юм. Энэ нь итгэл алдраад байгаа сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээнэ гэж үзэж байна хэмээв.


Categories
мэдээ нийгэм

Б.Алтантуяа: Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах хууль батлагдвал Лхагвасүмбэрэлийнх шиг хэрэг давтагдахгүй гэж найдаж байна

Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хуулийн төслийн талаар ярилцлаа.


-Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Энэ хууль ямар шатандаа яваа вэ?

-НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн хамгаалагчийн тухай тунхаглал батлагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ цаг үед Хүний Эрхийн Үндэсний Комиссоос санаачилан хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, хуульч, судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан “Хүний эрх хамгаалагчийнэрх зүйн байдал” хуулийн төслийг боловсруулсан. 2017 оноос энэ ажлыг эхлүүлсэн юм. Иргэний нийгмийн байгууллагуудын дунд хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг хийж, саналыг тусгаад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад гурван гишүүнд хүлээлгэн өгсөн. Тэд үргэлжлүүлэн судлаж, шинжлээд УИХ-д удахгүй өргөн барих байх аа.

-Хүний эрхийг хамгаалагчид гэж хэн бэ, тэднийг энэ хуулиар хэрхэн хамгаалах вэ?

-Хүний эрх хамгаалагч гэдэг өргөн хүрээтэй ойлголт. Ажил мэргэжлээсээ үл хамааран хэн ч хүний эрхийн хамгаалагч байж болно. Оюутан, сэтгүүлч, байгаль орчныг хамгаалагч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогч болоод тэдний гэр бүлийнхэн, эмч, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, шүгэл үлээгч, захиргааны ажилтан, цагдаа гэх мэтээр. Одоогийн боловсруулсан хуулийн төслийн хүрээнд “хүний эрх хамгаалагч” гэж дангаараа эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын түвшинд хүндэтгэн хамгаалж байгаа хүнийг хэлнэ гэж тусгасан. Хүний эрх хамгаалагчиднийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэд эрх мэдэл, байр сууриа буруугаар ашиглагчдыг нэрлэж, булайг нь илчилдэг. Тэд хүний эрхийн зөрчлийг илрүүлж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаарддаг. Тэд хүмүүсийг ядуурал, айдаст автуулж буй ямар ч улс төр, нийгэм эдийн засгийн бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл хүн бүр адилхан үнэ цэнэтэй бөгөөд хүн бүртэй ялгаваргүйгээр адил тэгш хандаж, айдасгүй эрх чөлөөтэй амьдрах нийгмийг цогцлоохын төлөө ажилладаг, үгээ хэлдэг зоригтой хүмүүс юм. Тэд хүмүүсийг хүн болж төрснийхөө хувьд эдлэх ёстой үндсэн эрхээ шаардахыг уриалж, зоригжуулдаг юм. Гэвч үүнийхээ төлөө тэд наад зах нь үг хэлээр доромжлуулахаас эхлээд амь насаа алдах хүртэл элдэв, дайралт халдлагад өртөж байна. Бараг бүх оронд хүний эрхийн хамгаалагчид руу янз бүрээр халдсан тохиолдлыг Эмнести Интернэшнл байгууллагын хийсэн судалгаа харуулсан.

Тийм ч учраас хүний эрхийг хамгаалах эрхийг баталгаажуулах, хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах хууль байх хэрэгтэй гэж үзсэн юм. Энэ хуулиар бид хүний эрхийн хамгаалагчийн эрх, үүргийг тодорхой зааж өгсний зэрэгцээ, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх, үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах, хүний эрхийн хамгаалагч үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, хүний эрхийн хамагаалагчид руу цахим болон цахим бус аливаа хэлбэрээр халдахгүй байх зэргээр төрийн байгууллага, албан тушаалтан, ТББ, аж ахуйн нэгжийн хүлээх нийтлэг үүргийг тусгаж өгсөн.

Ерөнхийдөө бол хүний эрхийн хамгаалагч аюулгүй, эрсдэлгүй тайван орчинд өөрийн болон бусдын эрхийн төлөө ажиллах боломж бий болно

-Хүний эрхийг хамгаалагчдад тусгайлан хууль гаргах ямар шаардлага байсан бэ. Одоо байгаа хуулиудад хүний эрхийн талаар хангалттай заасан гэдэг үзэл бодолтой хүмүүс ч бий?

-Бид айдас, талцал, өөрөөсөө бусдыг ад зэтгэр гэж үзэх, улс төрийн бүтэлгүйтэлдээ нэг хэсэг бүлэг хүмүүсийг буруутган “Бид тэдний эсрэг” гэх хандлага давамгайлсан үед амьдарч байна. Хүний төлөө зогссон тэр зоригт хүмүүс хаагүй сайгүй төрийн болон томоохон корпорациуд, гэмт хэргийн бүлэглэлүүдийн зүгээс халдлага, дарамт шахалт, гүтгэлэг, зүй бус харьцаанд өртөж, амь насаа алдах боллоо. Монгол Улсад ч мөн хүний эрх, эрх чөлөөний талаар дуугарсан сэтгүүлчид, өмгөөлөгч, байгаль орчны хамгаалагч нарт халдсан, айлган сүрдүүлсэн тохиолдлууд гарсан. Харамсалтай нь эдгээр хэргийг хохирогч нь хүний эрх хамгаалагч байсан гэдгээр нь авч үзээгүй, үр дүнтэй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, асуудлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэхгүй байсаар байна. Ийм болохоор хүний эрх хамгаалагч нарыг хамгаалах хууль эрх зүйн орчин бидэнд зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэ хамгаалалт хуулиудад ганц нэг заалт орсноор бий болохгүй тул иж бүрнээр шийдвэрлэх үүднээс бие даасан хууль байх нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн дунд хэлэлцүүлж байх үед ажлаас халахаас авахуулаад, элдвээр цоллох, биед болон цахим мэдээлэлд нь халдах, гутаан доромжлох, гүтгэх, шүүхэд өгөх, заналхийлэх зэргээр хүнийг хамгаалахад нь саад учруулдаг талаар маш олон хүмүүс өөрсдийн жишээн дээр ярьж, энэ хууль шаардлагатай, цагаа олсныг онцолж байсан.

-Монголд хүний эрх хэр хамгаалагдсан гэж та үзэж байна вэ?

-Хүний эрх хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин дутмаг гэх зэргээр зайлшгүй сайжруулах шаардлагатай зүйлүүд байгаа ч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиуд бүрэн хэрэгждэг бол Монголд хүний эрх гайгүй сайн хамгаалагдаж болохоор байна.

Харамсалтай нь хуулиудыг хэрэгжүүлэхгүй, оромдох, процессийн алдаа ихээр гаргаж, хуулийн дагуу хариуцлага тооцохгүй байгаагаас хүний эрх алхам тутамдаа зөрчигдөж байна. Ялангуяа энэ үзэгдэл хавтгайрах хандлагатай болж, зарим улс төрч улайм цайм хүний эрхэм чанар, хүний эрх рүү халдсан мэдэгдлийг ичгүүр сонжуургүйгээр хийж, өөрсдийн буруу шийдэл бодлогоо ямар ч үнэ цэнээр хамаагүй хадгалж үлдэхийн тулд хүний эрхийг уландаа гишгэж, улмаар хүний эрхийг хамгаалж баталгаажуулсан тогтолцоо руу дайрч байна. Үүний нэг жишээ бол эрүүдэн шүүж, зүй бус харьцсан гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгадаг өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн хүчирхийллээс иргэдийг хамгаалдаг байсан тогтолцоо болох Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгасан. Үүнээс болоод өнөөдөр эрүү шүүлт, зүй бус харьцсан хэргийн хохирогчид шударга үнэнийг тогтоолгож чадахгүй тэнгэр хол, газар хатуу хаачихаа мэдэхгүй эрхээ зөрчүүлсэн хэвээр байна. Эдгээр хохирогчдыг Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгмийн бусад байгууллагад хандсаных нь төлөө элдвээр дарамталж, зүй бус харьцсан тохиолдол нэг биш гарч байна. Өөрөөр хэлбэл эрх нь хамгаалагдах нь бүү хэл давхар хохирдог болчихсон.

Хот дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийн эрхийг ихээр зөрчиж, өмч хөрөнгөгүй, орон гэргүй болгосон цөөнгүй тохиолдлыг бид баримтжуулсан. Хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэгч нийслэлийн захиргааны байгууллагын ажилтнуудын хүний эрхийн мэдлэг боловсрол, хариуцлагагүй байдал, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлээгүй удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэд гомдлоо Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид гаргаад ч тусыг эс олж байна. Гэтэл энэ онд шинээр 79 хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа нь ахиад олон иргэдийн эрх зөрчигдөх эрсдэлд оруулж байна. Учир нь албадан нүүлгэхийг хориглосон, иргэдийг орон гэргүй болгохоос хамгаалсан эрх зүйн орчин өнөөдөр хангалтгүй байгаа юм.

Орон гэр өмчөө хамгаалж үнэн зөв мэдээлэл хүссэнийхээ төлөө, өмч хөрөнгийг нь шударгаар үнэлэхийг шаардсаныхаа төлөө, орон гэр, гал голомтоо үгүй хийлгүүлэхгүйн төлөө үгээ хэлсэн, эрх баригчдын үүдийг сахисан эдгээр хүмүүс элдэв гүтгэлэг, доромжлолын бай болж бүр айлган сүрдүүлэлт, заналхийлэлд өртөж байна.

-“Манайд шүгэл үлээх соёл муу хөгжсөн” гэж зарим хүн ярьдаг. Хууль батлагдсанаар илүү олон хүн шүгэл үлээх зоригтой болно гэж та найдаж байна уу?

-Шүгэл үлээгчид ч мөн хүний эрхийн хамгаалагч байж болно. Дарамт, шахалт, айлган сүрдүүлэлт, хамгийн наад зах нь ажлаасаа халагдана гэсэн айдас байгаа учраас өнөөдөр Монголд шүгэл үлээгчид тийм ч олон биш байгаа байх. Хуулийн төсөлд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдэг тодорхой нэр томъёо оруулж өгөөгүй ч шүгэл үлээгч нь өөрөө хүний эрхийн хамгаалагч байж болох учраас энэ хуулиар мөн хамгаалагдах боломжтой. Зоригтой байж үгээ хэлснийхээ төлөө, шударга үнэнийг хамгаалсныхаа төлөө, өөрийн болон бусдын, улмаар ирээдүй хойчийн эрхийг хамгаалж зогссон хэн ч эрсдэлд орох ёсгүй. Энэ хууль батлагдсанаар Лхагвасүмбэрэлийнх шиг хэрэг давтагдахгүй гэж найдаж байна.

-Хүний эрхийг хамгаалагчдад зориулсан бие даасан хуультай хэр олон улс байдаг вэ. Ямар орнууд ийм хуультай байдаг вэ?

-Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах бие даасан хуультай болон хуулиуддаа энэ хамгаалалтыг зохих ёсоор суулгаж өгсөн орнууд цөөнгүй бий. 2016 онд нийтдээ 45 улсын хүний эрх хамгаалагчийн тухай хуулиудыг судлаж байгаад “Хүний эрхийн хамгаалагчдыг хүлээн зөвшөөрөх, хамгаалах загвар хууль”-ийг гаргасан байдаг. Энэ загвар хууль хүний эрхийн хамгаалагчдын ажлыг дэмжих, заналхийлэл, халдлагаас хамгаалах хууль, бодлого, институцыг бий болгох талаар техникийн зөвлөгөө өгөх замаар улс орнуудыг удирдамжаар хангадаг. Загвар хуулийг бүс нутаг бүрийг төлөөлсөн 500 гаруй хуульч боловсруулсан бөгөөд хүний эрхийн шилдэг өмгөөлөгчид, түүний дотор хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлын асуудлаарх НҮБ-ын Тусгай илтгэгч нар санал нэгдэн баталсан байдаг.

-“Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэж заасан, хүнээ мартсан” гэж зарим хүн шүүмжилдэг. Энэ талаар та бодлоо хэлээч?

-1992 оны Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг хангалттай баталгаажуулж өгсөн. Харамсалтай нь дагалдаж гарах хуулиуддаа хангалттай тусгаж өгөөгүй, тусгасан зарим нэг хууль цаасан дээр үлдэж, амьдралд хэрэгжихгүй байгаа нь асуудал болоод байна. Үндсэн хуулинд бүхэл бүтэн нэг бүлэг нь хүний тухай буюу хүний эрхийн тухай байгаа. Малын тухай бүхэл бүтэн бүлэг байдаггүй биз дээ. Энэ утгаараа энэ шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна.

-Харилцаа холбооны эсрэг халдлагын тухай энэ хуульд тусгаж байгаа юм билээ. Хүний эрхийг хамгаалагчдыг онлайнд хянах оролдлого хэр их байна вэ?

-Технологи хөгжихийн хирээр цахим цагдан хяналт өргөн тархсан. Дээр нь троллууд ч байна.

Эмнести Интернэшнлээс гаргасан “Ганцхан чи уншдаг гэж үү” судалгааны тайланд харилцаа холбооны компаниуд хэрэглэгчдийн өдөр тутмын харилцаандаа ашигладаг цахим зурвас, захидлын нууцыг хамгаалах шифрлэлтийг бүрэн хангаагүй талаар дурдсан. Шифрлэлт нь бидний хувийн мэдээллийг хулгайлахаас сэргийлэхэд тусалдаг. Уг судалгаанд Аппле, Фэйсбүүк, Гүүгле, Снапчат зэрэг 11 технологийн компаниудыг хамруулсан ба зарим компаниуд хэрэглэгчдийнхээ хувийн харилцааг том эрсдэлд оруулж, хувийн нууцтай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг олж тогтоосон.

АНУ-ын иргэн Эдуард Сноудены хэргийг дэлхий дахин мэднэ. АНУ-ын Тагнуулын алба иргэдийнхээ утсан харилцаа холбоог ямар ч зөвшөөрөлгүйгээр цагдан хянаж байгааг дэлхий дахинаа ил болгосныхоо төлөө шүгэл үлээгч Эдуард Сноуден мөрдөн мөшгигдөж байгаа.

Цахим цагдан хяналтаас гадна мөн хүний эрхийн хамгаалагчид ялангуяа эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдын эсрэг цахим орчинд үг хэлээр дайрч, доромжлох, сүрдүүлэх, нэр төрийг гутаах үйлдлүүд ихээр гарах болсон.

Тиймээс энэ хуулинд ямар үйлдлийг хүний эрхэд хамгаалагчид халдсан бэ гэдгийг тодорхой зааж өгсөн бөгөөд үүний дотор цахим мэдээлэлд халдах гэж томъёолсон.

-Хүний эрхийг хамгаалагчдад халдсан этгээдүүд ямар хариуцлага хүлээхээр тусгаж байгаа вэ?

-Эрх зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тухайд бол холбогдох хуулиуд Эрүүгийн, Зөрчлийн тухай хуулиудад тусгаж өгөхөөр оруулсан. Энэ хуулиар ХЭХ-ийн эрх зүйн байдлыг л тодорхой болгохыг зорьсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:“Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг”

Супер од, блогч Марк Мэнсон сүүлийн хэдэн жилийн турш өөрийн алдартай блогоороо дамжуулан бидний өөрсдөөсөө болон хорвоо ертөнцөөс хүлээдэг хоосон хүлээлтийг өөрчлөхийг хичээж байна. Түүний “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” ном нь Нью-Йорк таймсийн бестселлер болсон агаад АНУ-д 2016 онд “Harper Collins” хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна. Монгол хэвлэлийг “Мон судар” хэвлэлийн газрынхан эрхлэн гаргасан агаад өдгөө хамгийн их борлуулалттай номын нэгээр шалгарчээ.

Энэ номын гуравдугаар бүлэг нь “Та онцгой биш” гэсэн гарчигтай. Анх 1960-аад онд өөрийгөө хүндэтгэх үзэл буюу өөрийнхөө талаар эерэг бодол сэтгэгдэлтэй байх тухай үзэл сэтгэл судлалын ертөнцөд хүчээ авах болсон гэнэ. Өөрийгөө дээгүүр үнэлдэг хүмүүс илүү сайн гүйцэтгэлтэй, алдаа бага гаргадаг гэдгийг судалгаа харуулжээ. 1970-аад онд өөрийгөө хүндэтгэх үзлийг эцэг эхчүүдэд зааж, сэтгэл зүйч, улстөрчид, багш нар энэ үзлийг ярьж, боловсролын бодлогод тусгаж эхэлсэн түүхтэй. Амжилттай оролцогчийн шагнал, хуурамч цом зэргийг шалихгүй тэмцээнүүдэд олгож эхэлжээ. Хүүхдүүдэд яагаад өөрсдийгөө онцгой гэж бодож буй шалтгаанаа бичих гэрийн даалгавар өгөх нь элбэгшив. Номлогчид сүмийн цуглаан дээр “Хүн бүхэн бурхны нүдэнд онцгой нэгэн, хүн бүр дундаж байхын төлөө биш онцгой байхын төлөө төрсөн” гэж айлдаж байлаа.

Гэвч тэр үе өнгөрч шинэ ухагдахуун бий болсон хэмээн зохиолч онцолж байна. Бид бүгд тийм ч онцгой биш. Хүмүүст та нар бол онц гойд бөгөөд юу ч болж байсан өөрийнхөө тухай сайнаар бод гэж заасан ч Билл Гейтс, Мартин Лютер Кинг шиг хүмүүсээр дүүрэн ард түмнийг лав бий болгосонгүй. Харин хий хоосон гарааны бизнес эрхлэгч Жимми шиг хүмүүс олширсон юм хэмээн Марк Мэнсэн дүгнэв. Жимми гэдэг нь хөдөлмөрлөхгүйгээр баян болж болно гэж итгэдэг. Мөн хэнд ч туслахгүйгээр бусдад таалагдаж болно гэж үздэг Монголд ч олон тохиолдох дүр. Жимми шиг хүмүүс өөрсдийгөө мундаг гэж мэдэрдэг төдийгүй, хэзээ ч эрсдлийг амжилттай давж байгаагүй мөртлөө өөрийгөө амжилттай гарааны бизнес эрхлэгч гэж итгэдэг” гэнэ л дээ.

Зохиогч “Хүн бүр хосгүй болж чадахгүй. Нийгэмд ялагч, ялагдагчид үргэлж байдаг. Эдгээрийн зарим нь шударга бус бөгөөд таны буруугаас болоогүй” хэмээн тайвшруулжээ. Мэнсон бидэнд өөрсдийн хязгаарыг мэдэрч, түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг санал болгосон юм. Бид амьдралдаа бүх зүйлд ач холбогдол өгөх боломжгүй. Тиймээс юуг чухалчилахаа хүн өөрөө шийдэх хэрэгтэй” гэж тэр бичиж байна. Өөрийгөө хичнээн өндөр үнэлдэг байлаа ч асуудалтайгаа нүүр тулж чадахгүй л бол тэр сул дорой хүн гэнэ.

Өөрийгөө жинхэнэ өндөр үнэлдэг хүмүүс сул талаа хүлээн зөвшөөрдөг, дутагдлаа засахаар ажиллаж чаддаг байна.

Хамгийн хамгийн гэх мэдээллийн урсгалууд нь бидэнд бусдаас онцгойрох ёстой гэж итгүүлжээ. Гэтэл амьдрал ихэнхидээ энгийн, дундаж учраас онцгой мэдээллүүдээс болоод өөрийгөө өрөвдөлтэй, бүтэлгүй мэтээр мэдрэхэд хүрэх нь байдаг. Онцгой байдлын давалгаа энгийн хүмүүсийг өөрийн талаар онцгүй үнэлэмжтэй болоход хүргэж, улмаар бусдад анзаарагдах чухал нэгэн болох хэрэгтэй гэж ойлгуулна.

Ямар нэг талаараа гоц болсон хүмүүс өөрсдийгөө онцгой гэж итгэсэнээс тэгсэн юм биш. Би байгаагаасаа илүү дээр байж чадна гэдгийг ойлгосон учраас тэд түүндээ хүрдэг. Сэтгэл санаа эрүүл байхын нууц нь “Таны амьдралын ихэнхи хором уйтгартай, гоц биш байх ба энэ нь муу биш” гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Үүний дараа та найз нөхөдтэйгээ баясах, ямар нэг зүйл бүтээх, тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах, сайхан ном унших, асарч халамжилдаг хүмүүстэйгээ цуг инээлдэхийн баяр гэх мэт амьдралын энгийн зүйлсэд талархах болно хэмээн зохиогч зөвлөсөн байна лээ.

Тоомжиргүй байна гэдэг хэнэггүй байна гэсэн үг биш гэнэ. Харин бусдаас ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хэнэггүй хүмүүс улбагар, залхуу байх нь элбэг. Гэрийн мухар сахисан интернетийн аварга биетнүүд байдаг.

Харин тоомжиргүй хүмүүс бүх зүйлд санаа зовдоггүй. Зөвхөн гэр бүл, найзууд, зорилго гэх мэт амьдралынхаа нэн чухал зүйлсэд л ач холбогдол өгдөг гэнэ шүү.

Хүүхдүүд жижиг сажиг тааламжгүй зүйлс тохиолдоход ч гамшиг болсон мэт бөөн юм болдог. Харин нас ахих хэрээр хүн бүх зүйлст бус онцгой цөөн зүйлст л анхаарал хандуулах боломжтойг ойлгодог. Харин зовлон үзсэн хүмүүс амьдралын үнэ цэнийг илүү мэдэрдэг тухай энд өгүүлжээ. Үхлийг мэдэрсэн хүн өөрт нь юу чухал, юунд тоомжиргүй хандаж болохыг илүү мэдэрдэг ажээ.

Баян, алдартай, нэр хүндтэй л биш бол хүн биш мэт санагдуулдаг өнөөгийн нийгэмд тоомжиргүй амьдрах тухай эсрэг зам санал болгож, урсгал сөрсөн учраас л энэ ном олон хүнд таалагдсан болов уу.


Categories
мэдээ цаг-үе

“Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” хэмээн Бакула ринбүчи хэлж байжээ

СУШМА СВАРАЖ: АМАРГҮЙ ЭНЭ ЦАГ ҮЕД ЭНХ АМГАЛАН, ХҮЛЦЭЛ ТЭВЧЛИЙГ НОМЛОСОН ГҮН УХААН ШААРДАГДАЖ БАЙНА

“Элчин багш” хэмээн олноохүндлэгдсэн Бакула ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал “Корпорейт конвеншн төв”-ийн концертын танхимд боллоо. Хүндэтгэлийн хурал эхлэхээр товлогдсон цагаас хамаагүй өмнө танхим дүүрэн хүн цугласан байлаа. Элчин багшийн зургийг сэнтийд залж, түүний байгуулсан Бэтүб хийдийн лам хуврагууд мандал өргөн, ерөөл айлдсан. Хүндэтгэлийн хурлын үеэр мөн Гандантэгчэнлин хийдийн лам нар цамын бүжиг толилуулж, Морин хуурын чуулгынхан “Цагаан суварга”, “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлэв.

Үндсэн илтгэлийг энэ өдрүүдэд эх оронд маань айлчилж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж тавилаа.

Бакула ринбүчи Энэтхэгийн Парламентын эрхэм гишүүн, дипломатч байсан агаад тус улсын Жамму Кашмир мужийн Засгийн газрын сайдын албыг хашиж байжээ. Умард Энэтхэг дэх Ладакх нутгийн хүн гэнэ. Кушок Бакулагийн хийж бүтээсэнийг Энэтхэг улс өндрөөр үнэлж, төрийн дээд шагналуудын нэг болох Падма Бхушан одонгоо 1988 онд хүртээсэн байна. Харин тэрбээр 1989 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Монголд суух Элчин сайдаар хүрэлцсэн ирсэн билээ. Бакула ринбүчи манай улсад 10 гаруй жил Элчин сайдаар ажилласан түүхтэй.

“Эрхэм Кушок Бакула энэтхэгчүүд өнө эртнээс дээдэлж ирсэн Буддын шашны уламжлалт ёс заншлыг бахархал дүүрэн илтгэн харуулж, даян дэлхийн энх тайван, эв найрамдал, хүмүүнлэг үзлийн уриаг түгээн дэлгэрүүлэгч байсан. Олон зууны тэртээ Буддын шашин үүсч хөгжсөн Энэтхэг орныг төлөөлж байгаадаа миний бие баярлан бахархдаг” хэмээн илтгэгч хэллээ.

“Бид бүхэн Буддын гүн ухаанд сүслэн биширдэг хүмүүсийг дахин нэгтгэн нөхөрлүүлж, тэртээх эрт цагийн адил Бурханы сургааль номлолыг сэргээн хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Тиймийн учир хөрш зэргэлдээх болон бусад улсын, түүний дотор Монголын мөргөлчдийг Энэтхэг орон дахь Буддын шашны ариун дагшин газруудаар аялуулах зам маршрут гаргахаар чармайн ажиллаж байна” гэлээ.

“Бурханы шашны ёс заншилд үндэслэсэн оюун санааны хэлхээ холбоог сэргээн идэвхжүүлэхээр эртний Энэтхэгийн эрдэм мэдлэг, билэг оюуны ундарга болж сургалт боловсрол, гүн ухааны гарамгай ололтуудаараа гайхагддаг байсан, олон зууны арвин түүхтэй Наландагийн их сургуулийг сэргээсэн” гэв.

Эртний түүхийн бичгүүдэд Монголын эрдэмтэй лам нар Наландад очиж ном үздэг байсан тухай өгүүлдэг.

“Энэтхэг, Монгол хоёр улс өвөрмөц онцгой түншүүд билээ. Бид стратегийн түншүүд төдийгүй оюун санааны хөршүүд. Бурханы шашнаар дамжин уламжлагдсан оюун санааны энэхүү холбоо та бидний харилцааг улам бүр бат бэх болгодог” хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд тодорхойлсон.

“Хүчирхийлэл,сүсэг биширлээр нэрийдсэн хэт үзэл газар авч буй өдгөө цагт амар амгалан, хүлцэл тэвчлийг дээдэлсэн Буддын шашны зам мөрийг дагаж мөрдөх эрэлт шаардлага өсөн нэмэгдэж байна” хэмээн онцолсон нь анхаарал татав.

“Дэлхий ертөнц урьд үзэгдээгүй хурдацтайгаар даяаршин нэгдэж байгаа нь шинэ сорилтуудыг бий болгож байна. Нүргээн ихтэй шилжилтийн үе шатыг туулж байгаа дэлхий ертөнцөд Кушок Бакула агсаны амьдрал хийгээд сургааль нь бидний өмнө тулгарч байгаа орчин үеийн дэлхий дахины оюун санааны олон асуултад хариулт өгч байна. Амаргүй энэ цаг үед энх амгалан, хүлцэл тэвчлийг номлосон гүн ухаан шаардагдаж байна. Энэ бол өнөөгийн ертөнцөд үзэл ядалт, дайсагналцлыг даван туулахад чухамхүү цаг үеэ олсон нь тодорхой харагдаж байна” гэсэн шүү.

“Тодорхой бус энэхүү цаг үед хүмүүс эд баялагийн араас шохоорхож буй боловч оюун санааны таашаалыг улам бүр эрэлхийлдэг боллоо” хэмээн эрхэмсэг хатагтай хэлсэн. Бурханы шашны сургааль, гүн ухаан биднийг энэхүү тодорхой бус цаг үеийг даван туулж, оюун санааны гэгээрэлд хүрэх аянаа тууштай үргэлжлүүлэх чиг баримжаа болж байна.

Дэлхий дахинд найрамдал, энх тайвны эл нийтлэг уриа дуудлагыг Энэтхэг, Монгол хоёр улс хамтдаа түгээж чадна. Энэ бол Кушок Бакулагийн насан үүрдийн өв уламжлал билээ” хэмээн илтгэгч дүгнэсэн.

“Буддын гүн ухаан дотоод сэтгэлийн амар амгалан, цэвэр ариун ухамсрыг онцлон чухалчилдаг” хэмээн Энэтхэгийн Гадаад хэргийн сайд онцлоод Бурхан Буддагийн сургаалиас иш татлаа.

“Та биднийг бодол сэтгэл маань илтгэн харуулдаг. Оюун бодол маань бидний хэн болохыг төлөөлдөг. Санаа бодол цэвэр ариун байх аваас энэүү бие махбодийг салшгүй дагалдах сүүдэр лүгээ баяр баясгалан биднийг ямагт дагана” хэмээн Бурхан багш сургасан бөлгөө.


“БАКУЛА БАГШ МААНЬ НАМАЙГ ХАМРЫН
ТАМХИНААС ГАРГАСАН”

Хурлын танхимд суугаа сүсэгтнүүдийн дунд настай лам нар ч үзэгдэв. Тэдний нэг өдгөө 80 нас зооглож буй С.Зундуйчулуунбат лам Бакула Ринбүчитэй уулзсан түүхээ надад ийнхүү хуучлав.

-1989 онд Баянхошууны Ловон Бадамжунайн хурлыг Монголд анх нээхэд багшдаа бараа болон тусалж байлаа. Шинэ Гэмтлийн зүүн талын дэнжид гэр бариад хурлаа нээж билээ. Тэр хурлын гэсгүй ламаар 25 жил байгаад, наймдугаар Богд хурж байсан Гунгаа чойлингийн хурлыг долоон өвгөн лам нээхэд хамгийн залуу лам нь болсон. Бакула ринбүчи багш 1989 онд Элчингээр ирэхэд миний багш намайг мөргүүлэхээр дагуулж очсон юм. Багш маань Инлай гэж олонд алдаршсан лам байв. Гандангийн зочдыг хүлээж авдаг том гэрт Бакула багш маань биднийг хүлээж авсан. Багш минь хэлж байсан. Бакула ринбүчи гэдэг энэ лам урьд нь Богдод “Би хойд төрөлдөө Монголд бурхны шашныг дэлгэрүүлье” гэж ерөөл тавиад урьдын ерөөлөөрөө Монголд Элчингээр ирж, бурхан шашныг маань дэлгэрүүлэх гэж байгаа юм шүү дээ” гэсэн. Бакула багш энгийн найрсаг, өөрөө монгол хэл мэдэхгүй орчуулагчтай байсан ч зорьж ирсэн хүмүүсийг халуун дотно хүлээж авдаг байв. Бакула багш дээр явж очиход гадаа нь олон хүн оочерлосон байдаг сан. Ловон Бадамжунайг яаж бүтээх талаар, Баянхошууны хуралд нэр өгөх, нарийн нандин юмнуудыг асуухаар Бакула ринбүчи багшийгаа залаад ир гэж багш маань хэлнэ. Багш маань өдөр судар харж байгаад “За төдийд ир” гэдэг байлаа. Нэг удаа Зүүнхүрээн дээр Бакула багш арав хоногийн ламрин уншсан. Олон янзын хилэнц нүгэлийн тухай, амны тамхи, хамрын тамхи, архины тухай сургааль айлдсан. Хамрын тамхийг нэг их нүгэл хилэнцгүй л юм боддог байлаа, тэр үед. Хүмүүсийг дуурайж, хамрын тамхи татсаар байгаад шар энгэртэй лам явлаа. “Хамрын тамхи их татах нүгэлтэй юм шүү. Хамрын тамхи их татаж байгаад нас барахад тэр хүний цогцсыг идсэн хорхой шавьж хорддог, газар лус хилэгнэж хорддог юм шүү. Ийм учраас хамрын тамхи нэг их сайн эд биш ээ” гэж багш айлдсан юм. Гэтэл нэг удаа Бакула ринбүчи багш дээр очихдоо алдаа гаргачихлаа. Миний нэг багш маань 100 номын бартай хүн юм л даа. Тэр номынхоо дээжийг хувилаад, надад тав зургаан ном өгсөн. “Үүнийг багшид очоод барьчих” гэсэн. Номыг нь үүрээд очлоо. Номыг нь өгөнгүүтээ хамрын тамхи татаж сурч байсан болохоор өөрийн мэдэлгүй багштайгаа тамхилчихсан байдаг байгаа. Шавь нь багшдаа тамхи барьдаггүй ёстой, бас ламринд суугаад тамхины хорын тухай сонссоныг хэлэх үү, яая даа гээд зовж суув. Харин багш маань мэлмийгээ аньж, хөөргийг маань барьж хэсэг сууснаа буцаагаад өгөхөөр нь багшаас адис аваад, хөөргөө бушуухан өвөртөлчихлөө. Хариад муухай юм боллоо гээд бодоод байлаа. Тэгээд тамхи татсан чинь үнэрлэхийн тоолонгоор найтаалгаад, дургүй хүрсэн. Багш маань намайг хамрын тамхинаас гаргасан юм шүү дээ” хэмээн тэрбээр хуучлав.

Г.МЭНД-ООЁО: МЭГЖИД
ЖАНРАЙСАГ БУРХАНД МЭЛМИЙ НЭЭХ ИХ УВИДАС БИЙ ГЭЖ АЙЛДСАН

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо бас ийнхүү дурслаа.

-1990-1996 онд Монголын Соёлын сангаас санаачлаад Монголын төр түмэн нийт даяараа хандив өргөж, Мэгжид Жанрайсаг их шүтээнийг сэргээн бүтээсэн. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн 1000 гаруй сүм хийд, бурхан шүтээн, соёлын дурсгалыг энэ цагт сэргээн мандуулах билгэдлээр бүтээсэн юм. Яг тэр үед Бакула ринбүүчи Элчин сайд байсан учраас түүнтэй уулзаж, нарийн ширийн юмаа асууж, зөвлөдөг байсан. 26 метр өндөр бурхан бүтээж байна. Мэдэхгүй чадахгүй юм өдөр болгон тохиолдож байна. Та зөвлөгөө өгөөч гээд Бакула ринбүчид эх загварын гэрэл зургийг үзүүлсэн юм. “Мэгжид Жанрайсаг бурханд мэлмий нээх их увидас бий. Монголын ард түмэн та бүхний билэг оюуны мэлмийг нээх увдистай бурхан юм. Маш сайн бүтээх хэрэгтэй, алдаа гаргаж болохгүй, шашны зан үйл нарийн гээд зөвлөгөө өгсөн. Далай багштай холбож өгье, хамгийн сайн зөвлөгөө тусламж үзүүлнэ гэсэн. 1993 оны намар Гандан хийдийн лам Буянбат бид хоёр Дарамсалад очсон. Бакула ринбүчи бидний аялалын хөтөлбөрийг зохицуулж, зочид буудалд хүлээж аваад, Далай багштай уулзах цаг тогтсон байна. Бакула ринбүчи “Далай багшийн уулзалтын хөтөлбөр бүтэн жилээр гарчихсан байгаа. Гэхдээ та бүхнийг хүлээж авах цаг гаргана” гэж хэлсэн. Ингээд Далай ламтай уулзаж, Мэгжид Жанрайсаг шүтээнийг бүтээж байгаа тухайгаа ярихад, олон сайхан үнэтэй зөвлөгөө, ном судар, нарийн нандин зүйлсийг бидэнд өгсөн юм. Мэгжид Жанрайсаг шүтээнийг бүтээн байгуулах их ажил эрчимтэй өрнөж, давхардсан тоогоор Монголын хоёр сая гаруй ард түмэн, айл гэр болгон хувь хандив өргөж, төр засаг дэмжиж, түмэн олноороо эрвийх дэрвийхээрээ хөдөлж, Мэгжид Жанрайсаг их шүтээнийг 1996 оны аравдугаар сарын 27-ны өдөр ард түмэндээ хүлээлгэж өгсөн. Энэ ёслолын хүндтэй зочин Бакула ринбүчи байх ёстой байв. ЭСЯ-наас асуухад “Энэтхэгт ажлаар яваа” гэсэн. Жанрайсагийн дуганы өмнө монголчууд хуран чууллаа. Монгол телевиз гайхамшигтай үйл явдлыг шууд дамжуулж байв. Нээлтийн үг хэлээд тавцангаас буухад Бакула ринбүчи онгоцноос буугаад шууд ирсэн байлаа хэмээн хуучиллаа.

Д.ЧОЙЖАМЦ: БУРХАНЫ ШАШИН АНХ ТОРГОНЫ ЗАМААР ДАМЖИН, МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ НЭН ЭРТ ҮЕД ДЭЛГЭРСЭН

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц үг хэлэхдээ түүх сөхлөө.

-Монголын их эрдэмтэн Лувсандаян түүхийн “Алтан дэвтэр”-тээ Монгол оронд дэлгэрсэн бурхны шашныг гурав ангилж үзсэн байдаг. Түүний судалгаагаар эртний Энэтхэгийн билэг оюуны гуу сан болсон бурханы шашин анх Торгоны замаар дамжин, Монголын нутаг дэвсгэрт нэн эрт үед дэлгэрсэн гэсэн. Археологийн малтлага болон түүхэн бичвэрүүдээс үзэхэд нэн эртний дэлгэрэлтийн талаар хангалттай баримт нотолгоо бий болоод байна. 2017 онд хийсэн Монгол, Японы хамтарсан судалгаагаар одоогийн Булган аймгийн нутаг дэвсгэрээс бурхан багшийн дүрийн үлдэгдэл олдоод байгаа нь хамгийн сүүүлийн жишээ юм. Түүхийн эх сурвалжид өгүүлсэнээр Чингис хаан Түвдийн Саж ламд хандан “Би хэдийгээр лам таныг залах хүсэлтэй боловч төрийн ажил хараахан цэгцрээгүй байна. Иймд та тэндээс залбирмуй, би эндээс даатгамуй” хэмээн захиал илгээж байсан гэдэг. Энэ бодлогыг залгамжлан дараагийн их хаад бурханы шашныг тэтгэн, улс орондоо сүм суварга олныг босгож байжээ. Бакула ринбүчи Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсон нь бурхны шашинтнуудын хувьд урьдын сайн ерөөлийн биелэл болсон юм. Хэдийгээр тус улсыг төлөөлсөн дипломат байсан ч монголчууд түүнийг Бурхан багшаас шашин ном тэтгэх ам авсан 16 архадын нэг хэмээн бишрэн хүндэлж байв” хэмээн онцоллоо.

Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав илтгэлдээ “Бакула Ринбүчи Монгол төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичиг барихдаа “Сургаал номлол нь тал нутагт дэлгэрсэн Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” гэж хэлснийг нь онцолсон билээ. “Монголын Засгийн газрын хүсэлтээр 1993 онд бурхан багшийн ариун чандрыг Энэтхэг улсаас Монголд түр залахад Бакула ринбүүчийн нэр хүнд, хичээл зүтгэл бүх боломжийг бүрдүүлсэн юм. Энэ бол урт хугацаанд шүтэн бишрэх эрхээ хасуулсан ард түмний хувьд олдошгүй завшаан байсан” хэмээн да лам онцлон тэмдэглэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН