Categories
мэдээ цаг-үе

Мэдрэлийн сэргээн засах эмчилгээнд робот ашигладаг болжээ

“Хэвтэрт орсон хүнийг босоод алхдаг болтол нь зургаан сарын турш тусалж дэмждэг робот Австралид 300 мянган доллар байлаа гэхэд Хятадад 50 мянган доллар болсон байна. Одоогоор монголчууд иймэрхүү үнэтэй технологиудыг ашиглах боломж багатай ч ирээдүйд өртөг нь багасахад нэвтрүүлэх боломжтой” гэж саяхан болсон Монголын Мэдрэлийн сэргээн засахын олон улсын хурлын үеэр Дэлхийн Мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн тэргүүн, доктор Leonard S W Li ярьсан юм. Уг хуралд “Сэргээн засах эмчилгээнд роботын хэрэглээ” сэдвээр илтгэл тавьсан түүнтэй ярилцлаа.


-Эдийн засгийн хямралаас шалтгаалаад, Монголд сэргээн засах төвүүд байгуулахад хүндрэлтэй байгаа. Олон улсын зүгээс дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу?

-Мэдрэлийн сэргээн засах төв гэхээр хоёр чухал асуудал бий. Тэнд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, барилгын асуудал болон боловсон хүчнийг сургах тухай яригдана. Энэ талаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллагуудаас дэмжлэг авч болно. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Дэлхийн мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгээс Нигери улсад хандиваар Мэдрэлийн сэргээн засах төвийг байгуулж өгсөн. Энэ шугамаар мөн хүмүүсээ гадаадад сургаад авах боломжтой. Мэдрэлийн сэргээн засах төв байгуулж, боловсон хүчнээ бэлтгэх ажлыг нэг өдөр хийчихгүй. Үе шаттайгаар явж байж үр дүнд хүрнэ.

-Улс орнуудад судалгаа хийсэн гэсэн. Мэдрэлийн эмгэг ихсэхэд нийгмийн стресс, эдийн засгийн байдал нөлөөлдөг үү?

-Нийгмийн нөхцөл байдлаас илүү дэлхийн хүн ам насжиж байгаа нь нөлөөлж байна. Насжилтыг дагаад гурван том мэдрэлийн эмгэг тохиолдож байна. Нэгдүгээрт, тархины цус харвалт, дараа нь зөнөгрөл, дэмийрэл, Паркинсоны эмгэг гэсэн гурван өвчлөл насжилтаа дагаад өсч байна. Энэ нь улс орнууд халамжийн систем, сэргээн засах эмчилгээнд зарцуулдаг мөнгөө ихсгэх шаардлага бий болгож байгаа юм.

-Монголын мэдрэлийн сэргээн засах салбарын нөхцөл байдалтай танилцсан байх. Эхний ээлжинд ямар зөвлөгөө өгөх вэ?

-ДЭМБ-аас 2030 он хүртэл сэргээн засах болон хөгжлийн бэрхшээлийн асуудлаар зөвлөмж гаргаад, стратеги хэрэгжүүлж байгаа. Монгол Улс сонгогдсон хэдэн орны нэг. Энэ дагуу сонгогдсон орнуудын сэргээн засахын нөхцөл болон бусад асуудлууд эхний ээлжинд шийдэгдэнэ гэж найдаж байна.

Сэргээн засахын нөхцөл байдал сайжрахад тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс, улсын бодлого чухал. Яг одоогийн нөхцөл байдалдаа тохируулаад, зорилгоо сонгох ёстой. Нэгдүгээрт, өртөг багатай хөдөлгөөн засал болон хөдөлмөр засал бусад сэргээн засах эмчилгээнүүдээ хийгээд, технологи бага ашиглаад явж болно. Нөгөө нэг зам нь маш өндөр үнэтэй роботуудыг ашиглаад эмчилгээ хийж болно. Монголын нөхцөлд мэдээж эхнийх нь тохиромжтой болов уу. Технологи хөгжихийн хэрээр өрсөлдөөн бий болж сэргээн засахын роботуудын үнэ хямдарч эхэлж байна. Мэдрэлийн эмгэгүүд төв мэдрэлийн болон захын мэдрэлийн системийг гэмтээдэг. Жишээлбэл, харвалт өгсний дараа саажилт үүсдэг. Эрүүл мэндийн технологи хөгжиж, үр дүнд нь бид булчин, үений ЭХО хийж байна. Харвалтын дараа мөрний сүлжээний саатай болсон хүн байлаа гэхэд булчин үений ЭХО-гоор хараад, ботулин токсин тарьдаг болсон нь үр дүнтэй байна.

-Хэвтрийн өвчтэй, настай хүмүүсийг үр хүүхэд нь удаан хугацаагаар асрахад бэрхшээлтэй болсон. Тийм хүмүүс Хонгконгт бол хаана очдог бол?

-Хонгконгт сувилахуй, асрамжийн газруудыг олноор байгуулж, ийм асуудлуудыг шийдэж байна. Ийм сувилгааны газруудаас гадна асаргаа сувилгаа шаардлагатай настануудыг гэр бүлийн гишүүд нь харж асардаг тохиолдол бас олон. Ийм нөхцөлд харвалтын дараа асаргаа хийхэд гэр бүлийн гишүүдэд сургалт хийдэг. Сувилалд үзүүлэх үйлчилгээг гэр бүлийн гишүүд нь үзүүлэх боломжийг олгодог. Ингэж сэргээн засах багийн ажлын дүнд өвчтөний амьдрах чадвар дээшилж, эдгэрэлт хурдан байдаг гэлээ.

Энэтхэгээс ирсэн Нирмал Суряа ярихдаа “Дэлхийд нөхөн сэргээлт шаардлагатай хувь хүмүүсийн зөвхөн гурван хувь нь уг үйлчилгээг авдаг” гэж онцолсон. Бага орлоготой орнуудын 60 хувьд нь мэдрэлийн нөхөн сэргээх үйлчилгээ байдаггүй гэлээ. Хөгжиж буй орнуудад нас баралтын хоёр дахь түгээмэл шалтгаан харвалт болж байна. Залуу хүмүүст ч харвалт ихээр тохиолдож, хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм.

“Монголын Мэдрэлийн сэргээн засахын өнөөгийн байдал” сэдвээр илтгэсэн М.Үүрийнтуяа эмчтэй энэ сэдвээр ярилцлаа. Тэрбээр “Сэргээн засах эмчилгээ үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхийн тулд бүсчилсэн Мэдрэлийн сэргээн засах төвүүдийг бий болгох шаардлагатай” хэмээн илтгэлдээ онцолсон. М.Үүрийнтуяа нь Монголын Мэдрэл сэргээн засахын үндэсний нийгэмлэгийн тэргүүн юм. Тэрбээр ярихдаа: -Монгол Улсын хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны тавдугаар байрт мэдрэлийн тогтолцооны өвчин орж байна. Мэдрэлийн тогтолцооны эмгэгийн нийт өвчлөлд эзлэх хувь 2013 онд 6,8 хувь байсан бол 2017 онд 7,6 хувь болж өссөн. Мэдрэлийн өвчлөл дотроо тэргүүлэх өвчлөл нь тархины судасны өвчин, мэдрэлийн сүлжээ, нуруу нугасны эмгэг байна. Манай оронд мэдрэлийн өвчлөл дэлхийн дундаж түвшинд байна. Хүн мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдаад, өмнө нь хийж байсан ажлаа хийж чадахаа больдог. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эмнэлэг магадлах комиссын тайланд дурдсанаар сүүлийн гурван жилд мэдрэлийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдах нь жил ирэх тусам нэмэгджээ. Манай оронд 2017 оны эцсийн байдлаар 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 67,4 хувь нь орон нутагт амьдарч байна. Мэдрэлийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт жил бүр нэмэгдэж байгаа нь тархи судасны өвчин, вирусийн халдвар, осол гэмтэл, нийгмийн, ажлын байрны болон ахуйн гаралтай стресстэй холбоотой. Манай нийгэмлэг байгуулагдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд боловсон хүчнээ бэлтгэх, гадаад дотоод харилцаагаа бэхжүүлэх, дэлхийн чиг хандлагатай танилцах зорилгоор маш олон удаагийн олон улсын уулзалт хуралд оролцож, Ази, номхон далайн орнуудын мэдрэлийн сэргээн засах нийгэмлэгийн гишүүн болсон. Мөн Дэлхийн мэдрэлийн сэргээн засах холбооны гишүүн болсон. Тэдэнд Монголын байдлыг танилцуулж, олон улсын хурал хийх санал тавьсан юм. Энэ хуралд Өмнөд Солонгос, Итали, Филиппин, Тайланд, Хонгконг, Энэтхэг зэрэг орны мэдрэлийн сэргээн засахын дэлхийн нэртэй долоон эрдэмтэн ирж, оношилгоо эмчилгээний ололт амжилт, судалгааны үр дүнгээ бидэнтэй хуваалцаж байна. Энэ хурлыг Эрүүл мэндийн яам, Монголын Мэдрэлийн сэргээн засахын үндэсний нийгэмлэг хамтран зохион байгууллаа. Хуралд 21 аймаг, есөн дүүргийн 150 гаруй мэдрэлийн эмч, сэргээн засалч эмч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч нар хамрагдаж байна.

Энэ удаа бид голдуу тархины харвалтын сэргээн засалтын тухай ярьж байгаа. Цаашдаа Монголын мэдрэлийн сэргээн засах нийгэмлэг ийм хурлыг жил болгон хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Монголд хөдөлгөөн засалч, сэргээн засалчид хэр олон байдаг вэ?

-Зуу гаруй хөдөлгөөн засалч байна. Монголд анх удаа зургаан хөдөлмөр засалч саяхан бэлтгэгдсэн. Мэдрэлийн сэргээн засах эмчилгээг дандаа багаар хийх ёстой. Мэдрэлийн эмч, сэргээн засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дээр нь сэтгэл зүйч эмч байх ёстой.

-Монголд цус харвалтын тохиолдол их байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийн харвалтын тасагт хэд хоног хэвтээд, дараа нь өвчтөн хаана очих нь тодорхойгүй байдаг. Дараа нь яах вэ?

-Ер нь энэ бодлогын том асуудал юм. Дүүрэг, улсын эмнэлэгт хаана ч очсон хурц харвалтын үед 10-14 хоног л хэвтэж байгаа. Хурц харвалтын дараа сэргээн засах эмчилгээ хийх ёстой. Түүний дараа манайхан дүүргийн эмнэлэг, хувийн эмнэлэгт хандаж байна, уламжлалт эмчилгээ хийлгэж байна. Гол мөн чанарын эмчилгээ мэдрэлийн сэргээн засах эмчилгээ гэдэг маань эмийн эмчилгээ, сэргээн засах эмчилгээг хослуулах учиртай. Хувийн хэвшлийн байгууллагуудаас “Эпимон” мэдрэлийн эмнэлэг энэ чиглэлээр дагнаж ажилладаг.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ чиглэлийн эмчилгээг хэр хөнгөлдөг вэ. Тэр тусмаа нөхөн сэргээх эмчилгээ урт хугацаа шаарддаг шүү дээ?

-Манайх Эмнэлэгийн тусламж үйлчилгээний хуулиндаа сэргээн засахын урт хугацааны эмчилгээ байх ёстой гэж тусгасан болохоор удахгүй Эрүүл мэндийн даатгалын асуудал шийдэгдэх байх.

-Монголын мэдрэлийн сэргээх засах эмчилгээнд шинэ технологи нэвтэрч байгаа юу?

-Бид булчин, үений ЭХО хийж байна. Харвасан хүний шагай нь эргэж, мөр нь гэмтсэн эсэхийг булчин үений ЭХО-гоор харна. Харвалттай хүний гар хөлний чангарсан булчинг сулруулах эмчилгээ хийж байна. Харвасан хүнд робот эмчилгээ хийж байна. Энэ эмчилгээ хараахан манайд нэвтрээгүй байгаа. Сэргээн засах эмчилгээг хөгжүүлэх нь багийн ажил. Засгийн газар, ЭМЯ, иргэн, төрийн бус байгууллага, санхүүжилт бүгд холбоотой.

-Хэвтрийн өвчтэй, хөдөлгөх боломж муутай өвчтөнтэй гэр бүлийн хувьд дуудлагын сувилагч, сэргээн засалчийн үйлчилгээ шаардлагатай. Ийм үйлчилгээ байдаг уу?

-Цогц үйлчилгээ шаардлагатай. 1900-2000 тусгай дугаараар дуудлага хүлээн авч, гэрийн асаргаа үзүүлдэг үйлчилгээ бий болоод нэг жил болж байна. Харвасан хүний гэрт очиж, эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ. Мэдрэлийн эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зөвлөгөө өгнө, үйлчилгээ үзүүлнэ. Гэрийн асаргаа нэг өдөр, гурван өдөр, цагаар хийх үйлчилгээ ч байна.

-Харвалт залуужиж байна гэдэг. Харвахаас урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын ямар хэв маягтай байх учиртай вэ?

-Харвалтын талаар Мянганы сорилтын сангийн маш өндөр төлбөртэй төсөл хэрэгжиж байсан. Тэр үед манай иргэд энэ төрлийн мэдээлэл хараахан хүлээж авах болоогүй байсан юм болов уу гэж боддог. Одоо тийм сургалт сурталчилгаа явбал хүмүүс сайн ойлгож хүлээж авна даа.

Би энэ хуралд илтгэл тавихын тулд маш их юм уншиж судаллаа. Хүнийг тахир дутуу болсны дараа эмчлэх тухай ярих биш, урьдчилан сэргийлэх ёстой юм байна. Согтуугаар машин барихгүй бол зам тээврийн осол буурна. Өөрийгөө болон өрөөлийг тахир дутуу болгохгүй. Биедээ анхаардаг, дасгал хөдөлгөөн хийдэг, архи тамхи хэрэглэхгүй, зөв хооллож, зөв амьдрах юм бол харвахдаа тулахгүй. Эрсдэлт хүчин зүйлээс сайтар урьдчилан сэргийлж, сургалт хийж чадвал олон хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадна. 2017 онд 15 мянган хүн шинээр хөгжлийн бэрхшээлтэй болсон. Энэ тоог багасгаж болох байсан.

-Харвах эрсдэлтэй байна гэдгээ мэдэхийн тулд ЭХО-д харуулах уу?

-Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Эрүүл мэндийн даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэг хийж эхэлсэн шүү дээ. 2017 онд 40, 45, 50, 55, 60, 65 насны хүмүүст халдварт бус өвчний урьдчилан сэргийлэлт, үзлэг шинжилгээг даатгалаар хийсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдсанаар энэ үйлчилгээг тогтмол үзүүлж байна гэлээ.

Нуруу нугасны эмгэг, толгой өвдөх, уналт таталт, нойргүйдэл зэрэг нь мэдрэлийн өвчлөлд багтдаг байна. Чихрийн шижин зэрэг архаг өвчний улмаас мэдрэлийн системд хүндрэл өгч байгаа тохиолдлууд ч мөн мэдрэлийн эмгэгт ордог гэнэ шүү.


Categories
мэдээ цаг-үе

​Р.Бат-Эрдэнэ: Аз жаргалтай байя гэвэл хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой шүү дээ

МУИС-ийн захирал асан доктор Р.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Таны “Өнөөгийн дэлхий ертөнцийн төрх, ирээдүйн хөгжлийн төлөв хандлага” лекцийг сонсоод ирээдүйдээ санаа зовсон шүү. Дэлхий нийтээрээ ирээдүй хэтээ төлөвлөөд байдаг, харин бид сонгуулийн дөрвөн жилээр хайрцаглагдаад заримдаа ухраад, заримдаа урагшлаад яваа?

-Дэлхий ертөнц хаашаа явж байна, хүний амьдрал яаж өөрчлөгдөх, үүнд хүнээ, хүүхдээ бэлтгэж чадаж байна уу гэж хөгжлийн томоохон байгууллагуудын жил тутам гаргадаг тайланг тоймлож хүмүүст мэдээлсэн юм л даа.

Аз жаргалтай байя гэвэл хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой шүү дээ. Сургууль хүнийг өөрийнхөөрөө амьдрахад нь бэлтгэж чадаж байгаа юм уу? Улс орны хөгжлийг бид яаж төсөөлөөд байгаа юм бэ. Үндэстнийхээ хувьд төсөөллөө нэгтгэж авмаар байгаа юм л даа. Монгол гэдэг улс, айл гэр, хамтаараа хаашаа явах гээд байгаа юм бэ. Ирээдүйд бид ямархуу ажил эрхэлж, бусдад юу зарж амьжиргаагаа авч явах вэ. Үүнийгээ бодох хэрэгтэй. Байгалийн асар их баялагаа уралдаад зараад байвал сайхан амьдралд хүрэх юм шиг төөрч боломгүй. Сүүлийн үед хаа сайгүй Оюу толгой биш, оюунтай толгой гээд яриад байна шүү дээ. Гэхдээ энэ ярианаас хэтрэхгүй байна. Улс төрийн намууд “Гар газар, хөл хөсөр суулгана” гэж амлаж сонгуульд ялах юм. Үнэхээр тэгчих байх гэсэн сэтгэлээр зарим нь санал өгөөд байх шиг.

Хүний амьдрал глобальчлагдсан байна. Монголчуудын эдэлж хэрэглэж байгаа зүйлсийг гаднаас авахаас өөр аргагүй. Тэднийг цөмийг нь Монголдоо үйлдвэрлэх гэж зүтгэх шаардлага байхгүй. Тэр бүхнийг авах хуримтлалтай, хариуд нь зардаг юмтай болох ёстой. Тэр нь дандаа алт зэс нүүрс үү? Арай өөр юм байх уу?

Олон юм байж болно гээд хувийн секторынхон санал санаачилга гаргаж байна. Харамсалтай нь түүнийг нь улстөрчид зогсоож байна. Жишээлбэл, тавдугаар цахилгаан станцын тухай яриа хэр удаан үргэлжилж байна. Ньюком компани өрнүүн ажиллаж байх үед ажиллах боломж надад гарсан. Тэнд байсан хүмүүсийн харц, санаачилга, хүсэл эрмэлзэл гайхамшигтай. Тавдугаар цахилгаан станцыг барьж эхлэхэд бэлэн болчихсон байсан шүү дээ. Өнөөдөр больчихсон байна. Төр засгаас зөвхөн бодлогын дэмжлэг хүсч байгаа, хувийн сектор өөрсдөө хийчихье гэсэн төслүүд яагаад явахгүй байна.

Гол саад тээг бидний амьдралыг залж байгаа тэр хүмүүсийн байр суурь, итгэл үнэмшилтэй л холбогдох юм даа. Ардчиллын тухай хаа сайгүй ярьж, зарим нь буруутгаж байна. Миний ойлгож байгаагаар ардчилал бол хүмүүсийн олонхын оролцоотойгоор төр барих соёл. Оролцоо гээд байгаа нь хүн өөрөө эхнээс нь эцсийг нь хүртэл хариуцаж болохоор ажлуудыг иргэдээс булааж авч болохгүй гэж хэлээд байна шүү дээ. Жишээлбэл, би боловсролын асуудал ярих гээд байна. Ялангуяа цэцэрлэгийн асуудал. Цэцэрлэгийг сайн ажиллагаатай байгаасай. Цэцэрлэгт явж байгаа хүүхэд хөгжөөсэй гэж хамгийн их хүсч байгаа хүн хэн бэ?

-Эцэг эхчүүд.

-Тэгвэл ээж, аавууд тэр цэцэрлэгийг авч явахад оролцоотой байх учиртай. Цэцэрлэгийн эрхлэгчээр хэнийг тавих, ямар чадвартай хүн тавих, тэр хүн нь эцэг эхчүүдтэй ямар байдлаар харилцаж ойлголцож, тохиролцож явах юм. Яагаад энийг өөрөө цэцэрлэгийн насны хүүхэдгүй хүн аль нэг албан тасалгаанаас залж зааварлах гээд зөвхөн төсвийг мэдэх эрх мэдлийн төлөө найз нөхөд, хамаатан саднаа томилоод байгаа юм бэ.

-Таны хэлээд байгаа эцэг эх нь сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгох, дүрэмт хувцсыг сонгоход оролцох, сурагчдын үдийн хоол шаардлага хангаж байгаа эсэхийг хянах эрх мэдэл хаана хэрэгжсэн юм бэ?

-Газар сайгүй л байна. Америкт таван жил болсон. Тэнд сургууль яаж ажиллаж, иргэд нь нийгмийнхээ амьдралд яаж оролцож, ямар эрх мэдэлтэй байгааг дэргэдээс нь харсан л даа. Америкийн нийгэмд боловсрол, ялангуяа ерөнхий боловсрол ард иргэдийн мэддэг асуудал байдаг. Засаг захиргааны нэгж, нутаг дэвсгэрээрээ сургуулийн сүлжээ байгуулагддаг. Тэр сургуулийг нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн татвараас санхүүжүүлдэг. Чинээлэг хэсэгт байгаа сургуулиуд боломжийн, ядуу хэсэгт байгаа сургуулиудад санхүүжилт дутах асуудал гардаг. Түүнийг нь төрөөс зохицуулдаг. Сургуулийн дүүргийг хүүхэд нь сурч байгаа иргэд өөрсдөө байгуулдаг.

Тэр хүмүүсийн эрх ашгийг илэрхийлсэн сургуулийн board гэж бий. Тэр нь үндсэндээ сургуулийн системийн парламент. Тэд манай нутаг дэвсгэр дээр миний хүүхдэд ийм юм заана, ийм үнэт зүйлийг хөгжүүлнэ, энэ сургууль аюулгүй байхын тулд ийм нөхцөл стандартыг хангасан байна гэж тодорхойлдог. Түүнийг хэрэгжүүлж чадах хүнийг сургуулийн зөвлөл томилдог. Дээр нь сургууль болгонд багш, эцэг эхийн зөвлөл ажилладаг. Миний хүүхэд яаж өсч хөгжиж, багшаас ямар шаардлага тавьж, яаж үнэлж байна, хамтраад энэ хүүхдийг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстойг зөвлөлдөөд явж байна.

Сургуулийн зөвлөл ганц сургуулийн хүрээнд байх нь зохимжгүй. Сургууль өөрөө хэвийн үйл ажиллагаа явуулахаар бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Ерээд оны дундуур “Ирээдүй” цогцолбор гээд нэгдүгээр хорооллын зургаан сургуулийг нийлүүлж, нэг сургууль болголоо. Уг нь сургуулийн дүүрэг үүсгэсэн байхгүй юу. Гэвч нэг их явсангүй. Яг шийдвэр гаргадаг эрх мэдэл нь хэрэгжээгүй. Захирал нь дахиад л улс төрийн сонгуулиас хамааралтай, албан тушаалыг авч байгаа хүн олон тохиолдолд сургуульдаа биш, өөрийг нь томилсон хүнд үйлчлэх байдал харагдаж байна. Ийм тохиолдолд сургуулийг эзэнтэй гэж хэлэхэд хэцүү. Сургуулийн үндсэн үйлчлүүлэгч хүүхдүүдийн эрх ашиг нэгдүгээрт байж чадаж байна уу гэдэг чухал.

-Дунд сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгоход эцэг эхчүүд оролцож зөв шийдвэр гаргах юм байна. Харин дээд сургуулийн удирдлагыг сонгоход юу гол вэ?

-Их сургуулиудын удирдлагыг сонгоход үүнтэй төстэй бүтэц Удирдах зөвлөл үүрэгтэй. Тэр байгууллагыг урагш нь явуулах, сурч байгаа хүмүүс нь хамгийн сайн боловсрол эзэмших, багш нар нь хамгийн үр бүтээлтэй ажиллах орчинг бий болгохыг эрмэлзсэн хүмүүс засаглах тухай асуудал шүү дээ. Тэр хүмүүсийг нийгмийн нийт хамтлагийн нэрийн өмнөөс эрх мэдэл авсан итгэмжлэгдсэн хүмүүсийн байгууллага болгох гэж оролдож байгаа. Арайхийж ойлголцоод УИХ нь батлаад 2016 оны дөрөвдүгээр сард хуульдаа боломжийн өөрчлөлт хийгээд ажиллуулж эхэлж байсан чинь сонгуулийн дараа шинэ сайд нь “Ийм Удирдах зөвлөл байж болохгүй” гэж хуулийг засварлах санал УИХ-д оруулаад өмнөх заалтыг буцаачихлаа шүү дээ. Ийм байгаа учраас бидний ажил явахгүй байна. Ямар өөрчлөлтийг, ямар зорилгоор яах гэж хийж байгааг гүйцэт ойлгохгүй байна. Хууль тогтоож байгаа хүмүүс маань ч хүнийрхүү байна. Нэгэнт зөв гээд гаргасан шийдвэр дээрээ тууштай баймаар байна.

-Таны лекцэн дээр хүүхдээ яаж бэлтгэх тухай яригдсан. Нэгдүгээр ангид сурч байгаа хүүхэд төгсөхдөө одоо байхгүй байгаа мэргэжлээр ажиллана гээд байгаа шүү дээ?

-Одоо байхгүй байгаа ажил хөдөлмөрийг тэр хүүхэд өөрөө ч бий болгож магадгүй. Өнөөдөр бидний олон жилээр хийж дассан ажлуудыг робот хийж эхэлж байна. Машин угсрах нь роботын ажил болсон. Робот анагаах ухааны салбарт ажиллаж эхэлж байна. Зарим мэс заслыг робот хийж байна. Хүний тухай мэдээлэл асар их хуримтлагджээ. Үүнээс хүн нэг бүрт тохирсон эмчилгээг боловсруулах боломж гарч байна. Хүн тэр бүгдийг боловсруулаад шийдэл гаргахад хүч хүрэлцэхгүй. Тэр ажлыг машин хийж байна. Тэрийг хиймэл оюун ухаан гэж нэрлээд байгаа. Ийм нөхцөлд энэ их мэдээллийн далайд ажиллаж чадах хүмүүс олноороо хэрэг болох юм байна. МУИС-д математикийн тэнхэмийн багш нар биг дата их хэмжээний мэдээллийн санг яаж удирдаж боловсруулалт хийхэд хүмүүсээ бэлтгэхээр хөтөлбөр боловсруулж байгаа. Асар их мэдээллийг цуглуулж боловсруулах, хүнд хэрэгтэй шийдэл гаргах загваруудыг бий болгох мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх нь.

Саяхан Датакомын Д.Энхбат “Хятадын Засгийн газар гадаад бодлогодоо хиймэл оюун ухаан хэрэглэж эхэллээ” гэсэн мэдээллийг хүмүүстэй хуваалцсан. Гэхдээ гадаад бодлогынхоо эцсийн шийдийг бус шийдлийн хувилбаруудыг хиймэл оюун ухаан ашиглаж, боловсруулж байгаа юм билээ. Гадаад бодлогод нөлөөлдөг хүчин зүйлс тоо томшгүй их. Хамаагүй юм байхгүй. Өнөөдөр “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн явахад л гадаад бодлогод нөлөөлнө. Эдийн засагт, хүмүүсийн амьдралд нөлөөлнө. Дэлхийн эдийн засгийн форумын шугамаар олон судалгаанууд хийгдсэн. Ирээдүйн хүн ямархуу чадвартай байх талаар хөгжлийн олон think tank-ууд нэг утгатайгаар хэлж байгаа. Дахин давтагддаг ажлуудыг машин хийх нь байна. Машиныг эвдэж байгаад ажлыг нь хийнэ гэж санаархах шаардлагагүй. Хүнд бүтээлч ажил ногдоно. Шинийг сэтгэх, бүтээлч сэтгэлгээтэй, сониуч байх, логик холбоосуудыг харж чаддаг байх, аналитик байх хэрэгтэй. Хэвийн сайхан амьдрахад хүнд хэрэгтэй чанарууд ийм. Энэ чанарууд ихэнх нь хүнд байдаг ч хөгжүүлдэггүй. Шүүмжлэлт сэтгэлгээ гэхээр өө сэв хайх гэж ойлгоод байдаг. Эргэлзэж тээнэглэзэх, үнэхээр тийм эсэхийг нягтална, магадлана гэсэн үг. Тэгж байж итгэл үнэмшил бий болно. Түүнээс биш харанхуйгаар хэн нэгэнд хөтлөгдөж таарахгүй. Өөрийгөө бодож сэтгэхээс чөлөөлөөд, бусдын хэлсэнд хөтлөгдөөд явбал амьдрал харанхуй болно. Хүний боол болно гэсэн үг. Хүнээр амьдралаа жолоодуулахгүйн тулд бүтээлч сэтгэлгээнд сургах учиртай. Энэ чанаруудыг хөгжүүлэх нь цэцэрлэг, сургуулийн үүрэг.

-Та боловсролын шинэчлэлд үүрэгтэй оролцсон хүн. “Хүүхэд бүрийг хөгжүүлнэ” гэсэн үгтэй л багш нар хоцорчихов уу, яав?

-Яг тийм үгээр нь албан ёсны бодлого, бичиг баримт болгож, хэрэгжүүлж эхэлсэн хүн бол Л.Гантөмөр сайд, түүний багийнхан. Энэ хүмүүсийн сургууль дээр хийхийг хүссэн ажил хамгийн зөв байсан гэж боддог. Олон хүн ийм байр суурьтай байдаг юм билээ. Би Боловсролын яаманд нийлбэр дүнгээрээ хориод жил ажилласан байдаг. Олон сайдын үед ажилласан. Хамгийн богино хугацаанд хамгийн их өөрчлөлт хийсэн үе нь Л.Гантөмөр сайдын үе. Сургуулийн өмнөх боловсрол, бага боловсрол, суурь боловсролын хөтөлбөрүүдийг бүхэлд нь өөрчилсөн. Өөрчлөхдөө тус бүрд нь нэг жилээс багагүй хугацаагаар сургууль, цэцэрлэгийн практикт туршиж үзээд, засч сайжруулаад албан ёсны болгож орон даяар хэрэгжүүлсэн. Бүх багш нарт энэ мэдээллээ хүргээд, ийм ажил хийх гэж байна гэдгээ ойлгуулаад, далайцтайгаар өөрчлөлт хийж чадсан. Өмнө нь хууль, хөтөлбөр өөрчлөгдөж байсан. Хэн, хаана юу хийгээд байгааг сургуульд ажиллаж байгаа хүн бараг мэдэхгүй өнгөрсөн нь олон. Энэ ажилд оролцоогүй олон хүн харлуулж дүгнэж байгаа нь харамсалтай санагддаг.

-Таны лекцэнд дурдагдсан бас нэг сонирхолтой санаа нь ирээдүйд ажлын байр гэж байхгүй болоод хүмүүс төсөл хэрэгжүүлдэг болно гэдэг. Энэ талаар тайлбарлаач?

-Эхний байгууллагууд ийм хэлбэрт шилжсэн. Мэдээллийн технологийн хувьсгал болж байна. Гар утас зөвхөн ярианы хэрэгсэл биш, мэдээлэл авдаг гол суваг болж байна. Ажил дээрээ байхдаа гэрийнхээ цахилгаан хэрэгслүүдээ гар утсаараа удирддаг болж байна. Төлбөр тооцоогоо хийж байна. Зарим юмыг харцаараа удирдах болж байна. Хөгжлийн бэрхшээл гэж байхаа болино. Гэртээ сууж байгаад хорвоотой харилцдаг болж байна. Энэ хүмүүсийн тэргэнцэр автомат удирдлагатай, ухаалаг болж байна.

Ийм үед хүнийг хуучин шиг өглөө найман цагт ажил дээрээ ирж хурууныхаа хээг уншуулаад, орой 18 цагт хурууныхаа хээг уншуулаад гарах, өдөр нүдэн дээр нь ажил хийж харагдвал ажил хийсэн гэж тооцох нь хэр утга учиртай вэ? Үүний оронд тэр хүн ямар цаг хугацаанд юу хийх ёстойг тооцоод, тэр хүн ажлаа гэртээ сууж байгаад хийнэ үү, номын санд сууж байгаад хийнэ үү, найзындаа очоод хийх нь чухал биш, ажлаа заасан хугацаанд хийж гүйцэтгэх нь л чухал биз дээ. Хүмүүсийн амьд харилцаа байнга шаардлагатай юм уу, тийм биш бол тэр хүн гэрээсээ ажлаа хийж болно. Энэ хэлбэр рүү том байгууллагууд шилжээд эхэлсэн. Олон улсын зарим байгууллагынхан долоо хоногийн нэгээс хоёр өдөр нь гэрээсээ ажилладаг болж байна. Яагаад гэвэл ажлын байран дээрээ ирж авах ёстой мэдээллийг бүгд дижитал хэлбэрээр үзэх боломжтой. Шаардлагатай бол теле конференци хийгээд хэнтэй ч ярилцах боломжтой үед наад зах нь замын түгжрэлд орохгүй амьдарч болно. Улаанбаатарын утаагаар өвөлдөө амьсгалахгүй байж болно шүү дээ. Ажлын хэлбэр, соёл боломжоо дагаад өөрчлөгдөж байна. Байнга давтагддаг ажлуудыг машин хийчихвэл илүү бүтээлч, тодорхой цаг хугацаанд, үр дүн гаргах ажлууд бидэнд үлдэнэ. Энэ нь голдуу төслийн шинжтэй ажлууд. Энэ төслийг дуусгаад дараагийн төсөлд шилжнэ. Тэрийг заавал одоогийн бүрэлдэхүүнтэй хийх албагүй. Өөр салбарын хүмүүстэй хийх шаардлага үүсч болно. Тийм болохоор албан байгууллага гэсэн ганц загвар шаардлагагүй болж байна.

Багшийн хөдөлмөрийн агуулга, мөн чанар ихээхэн өөрчлөгдөнө. Хүүхдүүдийг зөвхөн сургуульд, анги дотор хашиж байна. Тэгэхэд бусад газар гэрээсээ сурах нь олон болсон. Тэрийг зөвшөөрсөн нийгмүүд байна. Бид заавал сургуульд явах ёстой гэж үзэж байгаа учраас сургуульд явуулж байна. Зарим газраа ачааллаа дийлэхгүй 60 гаруй хүүхэдтэй ангид хүүхэд юм сурч байна гэж үзэх үү. Хиймэл оюун ухаан багшийн туслагчаар ажиллах боломжтой болж байгаа.

-Нийгэмшүүлэх үүрэг нь яах вэ?

-Заавал шил шилээ харж суух албагүй, хэсэг бүлэг клуб болж магадгүй. Уулздаг, нөхөрлөдөг, найзалдаг сонирхлоороо нэгддэг газар болж болно. Бичиж сургах гээд албадахаар хүүхдэд маш их дарамттай болно. Тоглоом хэлбэрээр сургавал хүүхэд шаардуулахгүйгээр суралцана. Тэрэн рүү сургуулийн арга барил шилжих ёстой. Уг нь бичиж сурах тоглоомоос ялгаа байхгүй. Бид түүнийг хэтэрхий хэлбэржүүлээд албадаад, залхаагаад, ажил үүрэг болгоод байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Ариунзаяа: Энэ судалгааг уншаад уйлмаар санагдсан

Монгол Улсын Статистикийн хорооны дарга А.Ариунзаяатай ярилцлаа.

-Саяхан таны нэг жиргээг харлаа. “Монгол эмэгтэй өдөрт дунджаар гэрийн ажилд 203 минут зарцуулдаг” гэж онцолжээ. “Хүмүүн төрөлхтний дотроос хүнд ихээр дарлагдсан, хөөрхий бидний бүсгүйчүүд” гэж гучаад оны хүүхнүүд дуулж байсан. Харин орчин үеийн монгол эмэгтэй гэж хэн бэ?

-Бид “Би монгол эмэгтэй”, “Би монгол эрэгтэй” гэсэн статистик гаргасан. Монгол эмэгтэйн дундаж өндөр нь 157 см, дунджаар 76 насалдаг, жин нь дунджаар 59 кг, таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Дунджаар 24 насандаа гэрлэж, хоёроос гурван хүүхэд төрүүлдэг. Бидний 580 мянга нь ажилтай. Дунджаар 800 мянган төгрөгийн орлоготой. 4,9 хувь нь өрх толгойлсон. Эрчүүдийг бодвол сонгуульд идэвхтэй оролцдог хүмүүс байдаг.

-Таван эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой гэхээр боломжийнд тооцогдох уу?

-Боловсролын хувьд манай эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол өндөр байдаг. Энэ нь монгол ахуйтай ч холбоотой. “Миний хүү голомтоо аваад явчихна, охин маань хүний гэрт очиж байгаа юм” гээд аль болох боловсролтой болгох гэж хичээдэг. Ерөнхий боловсролын сургалтад хүйсийн ялгаа нэг их ажиглагддаггүй. Их, дээд сургуулиас эхлээд том ялгаа харагддаг. 2017 оны байдлаар 100 эмэгтэй оюутанд 72 эрэгтэй оюутан ногдож байна. 2004 онд энэ тоо 62 хувь байжээ. Харин өндөр цалинтай ажлын байранд эрчүүд, эрүүл мэнд, боловсрол үйлчилгээний харьцангуй бага цалинтай ажлын байранд эмэгтэйчүүд түлхүү ажиллаж байна.

-Ийм эмэгтэйчүүд хүчирхийлэлд ч ихээр өртсөн байх юм. Саяхан та бүхэн “Хүчирхийллийн нүцгэн үнэн” гээд судалгаа танилцуулсан, ноцтой сонсогдсон шүү?

-Бараг гурван эмэгтэй тутмын нэг нь буюу 31.2 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн судалгааны дүн гарсан. Тэдний 13 хувь нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд сүүлийн арванхоёр сарын дотор өртсөн гэжээ. Хот суурин газрын эмэгтэйчүүд дотнын хамтрагчийн хүчирхийлэлд ихээр өртөж, энэ үзүүлэлт Улаанбаатарт амьдардаг эмэгтэйчүүдийн дунд хамгийн өндөр буюу 62.1 хувь байна. Харин Дархан-Уул аймгийн эмэгтэйчүүдийн 41 хувь нь хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын хүчирхийлэлд өртсөн бол Увс аймагт энэ үзүүлэлт хамгийн бага байсан. Судалгаанд хамрагдагсдын 13 хувь гэдгийг хүн амын тоонд тархааж үзвэл сүүлийн арванхоёр сарын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 110 мянган эмэгтэй байх боломжтой гэж тооцоолсон. Харин ЦЕГ-аас гаргасан гэр бүлийн хүчирхийлэд өртсөн эмэгтэйчүүдийн тоо 1040. Цагдаад хандсан болгон гэмт хэрэг гэж бүртгэгдэхгүй. Бүртгэгдэж байгаа 1040 нь эцсийн зогсоол гэсэн үг. Амь насаа алдахаас айсан, үнэхээр салъя гэсэн, хүнд бэртэж гэмтсэн тохиолдолд л эмэгтэйчүүд цагдаад ханддаг. Энэ судалгааны онцлог нь аймаг бүрээр дүнг нь гаргасан. Аль аймагт хамгаалах байр барих, хөрөнгө мөнгийг оновчтой хуваарилах, яаж урьдчилан сэргийлэх, хэнтэй ажиллах ёстой гэдэг нь тодорхой болсон. Хүүхдүүдээ бага наснаас нь хүмүүжүүлэх ёстой. Сургуульд сэтгэл зүйч ажиллах учиртай. Энэ судалгааны бас нэг онцлог нь гэр бүлийн хүчирхийлэл хүүхдэд хэрхэн нөлөөлж байгааг гаргасан. Аймхай цочимтгой, орондоо шээдэг, муу сурдаг гэх мэт нөлөөллүүд хүүхэд дээр харагддаг. Багадаа зодуулж байсан хүн насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. “Эр, эмийн дундуур илжиг бүү жороол” гэсэн үг байдаг. Хэн нэгэнд хандсан боловч хэн ч надад туслаагүй гэж хариулсан эмэгтэйчүүд 50 хувь нь байсан. Хүчирхийлэлд өртсөн хоёр хүний нэг нь ямар ч тусламж дэмжлэг авдаггүй гэсэн үг. Гэтэл АНУ, бусад өндөр хөгжилтэй орнуудад хүчирхийллийг хамгийн их мэдээлдэг хүмүүс нь хөршүүд байдаг.

-Монгол эмэгтэйчүүд өндөр боловсролтой гэж түрүүн ярьсан. Боловсролын түвшин хүчирхийлэл хоёрын хооронд уялдаа байна уу?

-Хүчирхийлэлд өртөгч болон үйлдэгчийн боловсролын түвшинг бас судалж үзсэн. Хүчирхийлэл үйлдэхэд боловсролын ялгаа байдаггүй юм байна. Хүчирхийлэлд нийгмийн статус нөлөөлдөггүй. Хүчирхийлэгч УИХ-д ч байна, Долоон буудалд ч байна. Энэ судалгааг уншиж байхад хүртэл уйлмаар санагдсан. Манай судлаачид нэг эмэгтэй хэлсэн байна лээ. “Арван жилийн өмнө та нар хаана байсан юм бэ. Арай эртхэн ирсэн бол миний амьдрал өөр байх боломжтой байсан” гэж л дээ. Хүчирхийлэлд өртөж байгаа гэдгээ ч мэдэхгүй тохиолдол байдаг. Зөвхөн эмэгтэйчүүдтэй төдийгүй эрчүүдтэй хүчирхийллийн талаар ярих нь урьдчилан сэргийлэх, хэвшмэл ойлголтоос салахад тус болдог. Бид зурагтаар ч юмуу, сошиалаар цэцэрлэгийн багш нь хүүхэд алгадаж байгааг харахдаа “Энэ багш хүүхдийг хүчирхийлсэн байна” гэдэг мөртлөө өөрөө гэртээ хүүхдээ суран бүсээр ороолгож байгаагаа хүмүүжүүлж байна гэж ойлгодог. “Би зодуулж өссөн ч муудаагүй” гэх хоцрогдсон ойлголтоос салах цаг иржээ. Хүүхдэдээ цаг гаргах ёстой юм байна. Гэртээ очоод “Би ядарч байна, цаашаа” гэж болохгүй юм байна. Хайрыг мэдрээгүй хүүхэд хайрыг түгээж чадахгүй.

-Сүүлийн үед бас Монгол амиа хорлолтоор дэлхийд гуравдугаарт жагсч гэж яригдах боллоо?

-Монгол Улсад сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 438 хүн амиа хорложээ. Цагт шилжүүлж үзвэл 20 цаг тутамд нэг хүн хорвоогоос сайн дураараа явж байна. Тэдний 85 хувь нь эрчүүд, 25-35 насныхан дийлэнх хувийг нь эзэлж байна Эрэгтэй хүүхдийн ачаалал даах чадвар охидынхоос сул юм байна. Эр хүн байж уйлж болохгүй, тэсэх ёстой гэдэг. Чи л гэр бүлээ тэжээх ёстой гээд байдаг. Энэ ойлголт орчин цагт нийцэхгүй байна. Бид хөвгүүдээ стрессээ зөв тайлж, бусадтай харьцаж сурахад нь туслах учиртай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 183 улсын мэдээллийг жагсаахад 100,000 хүнд ногдох амиа хорлолтын түвшнээр 2015 онд нэгдүгээрт Шри Ланка (34.6), хоёрдугаарт Гайана (30.6), гуравдугаарт Монгол Улс (28.1) эрэмбэлэгдсэн.

-Таны хэлсэн энэ тоонуудын ард хүн бий. Монголчууд хүнээ мартсан юм байна. Эдийн засгийн хөгжил, Таван толгой, Оюу толгой яриад байдаг, хүндээ хандсан бодлого орхигджээ?

-Ер нь тийм. “Ийгл”-д ярилцлага өгөх үеэр “Гол дүгнэлтээ хэлээч” гэхээр нь би “Эрчүүдээ хайрлая” гэж хэлсэн. Хүчирхийлэгч, гэмт хэрэгтэн, архичин, тамхичин нь хэн юм бэ? Яагаад эрэгтэй, эмэгтэйчүүдийн дундаж наслалт арван жилийн зөрүүтэй байгаа юм. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 бол эрчүүдийнх 65 байна.

-Эмэгтэйчүүдийн үнэлэгддэггүй хөдөлмөр гэж ярьдаг даа. Хүүхэд асрах, гэр цэвэрлэх гэх мэт ажлуудыг Монголын нөхцөлд үнэлэх арга зам бий юу?

-Би бол тодорхой бодлого хэрэгжиж байгаа гэж ойлгодог шүү дээ. Шинэ Засгийн газар 2016 оноос хойш гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд зориулж “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Сард 50 мянган төгрөг магадгүй бага байх. Гэхдээ оргүйгээс дээр. Хүүхдийн тоогоор ажилласан жил дээр 1,5 жил нэмэгдэж тооцогддог. Тэтгэвэр арай өндөр бодогдох нөхцөл бүрдсэн юм. Би 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарлаа гэж бодъё. Одоохондоо гурван хүүхэдтэй. 20 жил улсад ажилласан ч миний тэтгэвэр 24,5 жил ажилласнаар бодогдоно гэсэн үг.

-Уг нь би статистик мэдээлэл эрж хайгаагүй ч энэ тоонууд намайг олоод ирдэг болсон. Надтай адилхан ургийн овогтой хэдэн хүн байгааг мэдлээ. Би Монгол Улсын хэд дэх иргэн гэдгээ илрүүлсэн. Амьдаа маань хэд байгааг ч тогтоолоо. ҮСХ-ны дарга залуу эмэгтэй болохоор ийм хөгжилтэй ажлууд сэддэг юм болов уу, орчин үеэ дагаад статистик мэдээлэл ингэж хувирч байна уу?

-Аль аль нь нөлөөлдөг байх. Жишээлбэл, хүнд статистикийн зузаан ном өгвөл ойлгох уу, эсвэл зураг дүрстэй инфографик харуулвал хялбар ойлгогдох уу. Зөвхөн www.1212.mn цахим хуудасны хандалтаар жишээ татахад 2016 онд 200 гаруй мянга байсан бол 2018 онд нэг сая хүрлээ. Статистикийг амьдралд ойртуулах, илүү ойлгомжтой сонирхолтой болгох талаар манай хамт олон хоёр жилийн дотор олон ажил хийсэн.

-Та Ази, Америк, Номхон далайн орнуудын статистикийн байгууллагын дарга нарыг даргалдаг болжээ. Тэдэнд яаж үнэлэгдэв?

-Америк, Ази, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг 1971 онд байгуулагдсан. Хүн амын тооллого хэрхэн явуулах, шинэ техник технологи, хэрхэн нэвтрүүлэх, хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд олон улс орны статистикийн байгууллагыг татан оролцуулдаг нийгэмлэг юм. Гуч дахь ерөнхийлөгчөөр нь монгол хүн сонгогдоод ажиллаж байна. Энэ бол зөвхөн А.Ариунзаяагийн гавьяа биш. Статистикийн байгууллагын үе үеийн удирдлага, ажилтнуудын идэвх зүтгэлийн үр дүн. Монгол Улс бусад улс орнууддаа гайгүй үнэлэгддэг юм шүү дээ. Мэдээллийн нээлттэй байдлаараа 180 улс орноос 24 дүгээрт ордог. Залуу хүн учраас олон улсын хурлын үеэр идэвхтэй байдаг. Гуравдугаар сард НҮБ-ын статистикийн хурал болоход, надад салбар хуралдаан удирдах завшаан тохиосон. 2020 онд Хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон.

-Манай намын үед амьдрал сайжирсан гэж харуулахаар статистикийн мэдээллийг засварлах боломж байдаг уу?

-Тоо худлаа хэлдэггүй. Харин тоог худлаа тайлбарладаг. Тоог буруу ашиглах, улстөржүүлэх тохиолдол их. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог нийт ажилгүй иргэдийн тоо мэтээр тайлбарлах нь бий. Бүртгэлтэй ажилгүй иргэд чинь зөвхөн хөдөлмөрийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийг л хэлдэг. Түүнийг нь мэдсээр байж ажилгүйдэл буурлаа гэж ярьж таарахгүй. Хаа нэг газар ганцхан тоо засъя гэхэд тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг шууд ялгарч харагддаг. Баригдана, харагдана шүү дээ, тэр чинь. Бүх юм хоорондоо холбоотой. Өнөөдөр би тоо заслаа гэхэд маргааш дараагийн хүн “Энэ А.Ариунзаяа тоогоо засч байжээ” гээд гарч ирнэ шүү дээ. Өвөө (П.Жасрай) тооны машиндаа тоонуудаа цохиод “За хүүхээ, энд нэг алдаа гарсан байх шиг байна. Энийг шалгаад ир дээ” гэдэг байсан.

-Дундаж цалингийн мэдээлэл хүмүүсийг бухимдуулдаг. Энэ тоог яаж гаргаж ирээд байгааг тайлбарлаач?

-Цалин сая төгрөг болсон гэнэ. Хэний цалин нэмэгдсэн юм гэдэг. Энэ чинь 725 мянган ажиллагсдын мэдээлэл байхгүй юу. Дотроо олон задардаг. Гар дээр ирж байгаа мөнгийг илэрхийлэхгүй. Татвараас өмнөх дүн байна. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн дундаж цалин хоёр сая төгрөг. Худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй, ой загас агнуурын салбарт ажиллагсдын цалин 511 мянган төгрөг. Ялгаатай байгаа биз. Төсөвт байгуулагын дундаж цалин 743 мянга гээд зарладаг. Гар дээр чинь 500 мянган төгрөг (бохироор яривал) ирдэг юм байна, төрийн албан хаагчаа. Дундаж цалин учраас танаас их ч цалинтай хүн байна, бага ч бий. Сардаа үүнийгээ хоёр хувааж авна. Дээр нь зээл авчихсан байдаг. Хэцүү байх нь ойлгомжтой шүү дээ. Бухимдахаас аргагүй. Улсын дундаж цалин 944 мянга. Бүх салбарыг хамарсан дундаж цалин юм.

-Таны өрөөнд орж ирэхэд Ерөнхий сайд асан П.Жасрай гуайн хөрөг нүдэнд туслаа. Та энэ хүний зээ охин. П.Жасрай гуай бас нэг цагт энэ байгууллагыг удирдаж явсан гэдэг. Дотно санагддаг уу?

-Өвөө 34 настайдаа Статистикийн газрын орлогч даргаар томилогдож ирж байсан. Москвагийн Эдийн засаг статистикийн их сургуулийг төгссөн. Өвөө маань статистикч, эмээ ч бас адилхан. Эмээ тэр хоёр нэг сургуульд сурч, танилцаж ханилсан. Ээж маань бас статистикч байлаа. Би бол социологич. Германд социологи улс төр, нийгэм судлал түүхээр мастер хамгаалсан болохоор нийгмийн асуудал ойрхон байдаг. Өнөөдөр надтай хамт ээжийн маань ангийн хоёр ч хүүхэд бас ээжийн ангийн багшийн охин ажилладаг. Намайг энэ хамт олон халуун дотно хүлээж авсан.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Н.Удвал: Хэн дуртай нь газар шороо ухаж, гол ус ширгээж байгаад ямар ч хяналт алга

-АРХЕОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ НЭРИЙН ДОР МЕТАЛЛ ХАЙД АГ БОЛСОН БАЙНА-

Эрүүл мэндийн сайд асан, доктор Н.Удвалтай ярилцлаа. Тэрбээр “Хааны гол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга юм.

-Та нутаг усныхаа төлөө тэмцэж байгаа юм байна. Яагаад энэ асуудалд анхаарах болов?

-“Хааны гол” төрийн бус байгууллага байгуулсан маань санамсаргүй хэрэг. Төрсөн нутаг Архангайн Эрдэнэмандал сумандаа очиход Хануйн голын маань ойр орчим алтны эрэл хийгээд, Хар хул хааны балгасанд металл хайгаад явж байгаа хүнтэй таарсан. Аав, ээжийн маань өвөлжөөг хүртэл ухаж үзсэн байна лээ. Очих нутаггүй болох нь байна шүү дээ. Үүнд эмзэглээд төрийн бус байгууллага байгуулж, нутаг усаа хамгаалъя гэсэн санаа төрсөн. Хотод ирж, байгууллагаа бүртгүүлээд, эргэж нутагтаа очоод, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль гээд энэ олон хуулийн заалтыг хүмүүст танилцуулж, ТББ-ынхаа бүтцийг нутагтаа бий болгоод ирсэн. Энэ байгууллага ганцхан Архангайн Эрдэнэмандал сумын нутгийг хамгаалах гээгүй. Монгол орны гол горхи, нуур цөөрмийн урсац, ундаргыг хамгаалах, бохирдлоос сэргийлэх, Байгаль орчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой юм. Нутгийн иргэдийг нутаг усаа байгалиа, соёлын дурсгалаа хамгаалж чаддаг болоход нь тусалж дэмжих юм.

-Таны төрж өссөн нутаг ямар түүхтэй вэ, нутгаа сахиж үлдсэн хүмүүс хэр олон бэ?

-Эрдэнэмандал сум Хануй, Хүнүй голын бэлчирт байдаг нутаг. Хүннү гүрний төв байсан газар. Язгуурын монголчууд энд бүрэлдсэн гэдэг. Гол модны дурсгал манай сумын зааг нутгаас олдсон. Маш түүхтэй нутаг. Хар хул хааны балгас дотор тоглож өссөн, би. Ийм түүхтэй нутагт маань эрэл хайгуул хийгээд байхаар эмзэг хүлээж авдаг юм байна. Ингэж өөр дээрээ мэдэрсэн болохоор бусад газар ямар байгаа бол гэж анхаарч эхэлсэн.

-Нутгийн иргэд танд хандсан л байх?

-Нутгийн иргэд хүчин мөхөсдөж байна. Археологийн судалгаа, малтлага хийж байхтай таарсан хоёр, гурван хүн байна лээ. Нутгийн иргэдэд мэдээлэл өгдөггүй, үгийг нь сонсдоггүй. Урт нэртэй гэгдэх хуулиар Гол мөрний урсац бүрдэх эх, Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, Ойн сан бүхий газрын хилийн зааг газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон. Гэтэл одоо археологийн малтлага нэрээр орж ирж байна. Булш, бунханыг нь ухаад, голыг нь ширгээх байдал руу оруулж байна. Тамирын гол, Өгий нуур ч ийм эрсдэлд байна. Янз бүрийн нэрээр, гадаадын хөрөнгө оруулалтаар ямар ч хяналтгүй үйл ажиллагаа явуулж байна. Олдвор нь яасан талаар нутгийн иргэд ямар ч мэдээлэлгүй. Ийм маягаар эзэнгүй байгаа учраас улсын хэмжээнд хяналт тогтоох, нэгтгэж дүгнэх зайлшгүй шаардлага бий.

-Та нутагтаа хэр их очдог вэ?

-Нутагтаа ажлын шаардлагаар хэд хэд очлоо. Нутгийнхан маань мэдээлэлгүй байна. Тэдний үгийг тоохгүй байна. Хар хул хааны туурийг сахиж хамгаалдаг иргэн байдаг. Тэр хүн хэлж ярьсан ч хүчин мөхөсдөөд байгаа юм. Намайг дэмжихээр тэд маань урам, хүч орж байгаа юм. Саяхан бид Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу яваад ирлээ. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тариатын гол ширгэсэн байна. Ширгээд удсан юм байна. Тариатын гол эх авдаг Бага мухрын ам гэж байна. Бага мухрын аманд алт ухахаар хоёр компани голынхоо хоёр талд гарчихсан. Алт угаахад зориулаад нуур үүсгэдэг юм байна.

Зарим тоног төхөөрөмжөө байрлуулаад, алт угаахад бэлтгэж байна. Бид Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газарт хандаж, зөвшөөрөлтэй эсэхийг нь лавласан. Удирдлагууд нь эзгүй, ажилтнууд нь мэдэхгүй гэж байна. Нэг хүнтэй яриулсан. Тэр нь “Танд ямар хамаатай юм бэ, наадахыг чинь сумынхан мэдэж байгаа” гэсэн. Сумын иргэдийн хурлын дарга урьд нь алтны нинжа байсан хүн гэж сонссон. Төвд байсан газар, лицензийн наймаа орон нутагт оччихсон. Уул ус, ам, голыг худалддаг байдал руу орсон байх магадлал байна.

Эрчимтэй ажиллах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Одоо бид Дорнод аймгийн Цагаан-Овоо явах гэж байна. Цагаан-Овоод газрын дайн болж байна. “Стик гоулд” гэдэг компани алт ухах гээд бэлчээрийн газрыг нь авчихаад, нутгийн иргэд ширүүн эсэргүүцэл өрнүүлж байгаа юм билээ.

Бид тэнд очиж сургалт явуулна. Ашигт малтмалын улайрсан дайнд малчдын эрх ихээр зөрчигдөж байна. Бэлчээрээ алдаж байна, уух усгүй болж байна. Өвөлжөө, хаваржаа, хадлангийн талбайгаа алдаж байна. Малчид бол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хоточ нохойн үүрэг гүйцэтгэдэг хүмүүс. Тэд бас байгаль хамгаалагчид. Малчид органик хүнс ханган нийлүүлэгчид шүү дээ. Тэд соёл, уламжлалыг тээж, дамжуулж байгаа хүмүүс. Нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа хүмүүс бол малчид. Энэ хүмүүсийнхээ эрхийг зөрчөөд, дайн зарлаад байна. Малчдыг хамгаалах зайлшгүй шаардлага тулгарлаа. Хөдөө амьдарч байгаагүй хүмүүс нүүдлийн соёлыг мэддэггүй, хамгаалдаггүй юм байна. Бид бол газар гишгэсэн ч өвс, ургамлыг хайрладаг. Суурин соёлтой хүмүүс бол ашиглаж, сүйтгэх нь их юм. Уул ухаж, усыг ширгээж, хөрсийг бохирдуулан, алт ухаж байгаа нь хүн, байгалийн эсрэг гэмт хэрэг гэж үзэж байна. Энэ асуудлыг хөндөж тавина.

-Нутгийн иргэдийн оролцоотойгоор байгаль хамгаалах тухай ярьдаг. Тэдэнд зүй зохистой эзэмшиж ашиглах эрх мэдэл өгөөд, байгаль хамгаалах үүрэг хүлээлгэх бололцоо хэр байгаа бол?

-Уг нь хуулиараа ийм боломж бий. Харамсалтай нь ингэж чадахгүй байна. Иргэд үнэхээр хүчин мөхөсдөж байна. Хамгаалагч нэртэй булиа залууст нутгийн иргэд зодуулж байна. Нутаг усыг нь булааж байна. Олон газарт ийм үзэгдэл болж байна. Баянхонгорт, Хөвсгөлд, Хэнтий, Сэлэнгэ, Дорнодод ийм явдал болж байна. Бид энэ бүх газраар явж сургалт явуулна. Нутгийн иргэдэд хуулийн боломж, эрхээ хамгаалах мэдлэг олгоно.

-Танай нутгийн хувьд түүхэн газар учраас тусгай хамгаалалтттай газар нутаг юм байна шүү дээ. Яагаад эрэл хайгуул хийсэн хүмүүс яваад байгаа юм бол?

-Хоёр герман сууж байгааг би хараад очсон юм. Юу хийж байгаа юм бэ гэж асуусан чинь “Металл хайж байна” гэсэн юм. 100 метрийн цаана булш ухаж байсан. “Энд археологийн шинжилгээ хийж байгаа юм” гэж хэллээ. Одоо ерөөсөө археологийн шинжилгээ гээд металл хайдаг болсон байна шүү дээ. Нутгийн төр захиргааны байгууллага ард иргэдээ хамгаалахгүй байна. Төр нь ч дэмжихгүй. Нутаг нутагтаа л тэмцээд байна.

Нутгийн иргэд хүчгүй байна, яаж тэмцэхээ ч мэдэхгүй байна. Нүүдлийн соёл иргэншлээ бид хамгаална. Сая Засгийн газрын нэг муухай тогтоол гарсан. Газар тариалангийн бүс нутгийг зарласнаар манай өвөлжөө бас тэр хэсэгт нь орчихсон.

-Архангай газар тариалангийн бүс нутаг юм уу?

-Биш. Архангайд бэлчээрийн даац хэтэрсэн мөртлөө тариалангийн газар болгоно гээд нүүлгэх хэсэгт манай баг орчихсон. Хайрхан, манай сум хоёр тариалангийн талбайтай байсан, биднийг хүүхэд байхад. Гэхдээ атаршчихсан.

-Та нэг хэсэг лекц уншиж байсан. Нийгмээ соён гэгээрүүлэх гэдэг чухал ажил шүү, сүүлийн үед ямар лекц уншиж байна?

-“Дайнаа зогсооё” лекц уншиж, сонсдог ном гаргахаар зэхэж байгаа. Төрийн бус байгууллагыг санхүүжүүлэх хэцүү. Ямар нэг хараат байдалд орохгүй байх нь чухал. Ард түмний дундаас санхүүжилтээ босгохоор зорьж байна. Зүгээр хандив гуйх бус “Дайнаа зогсооё” лекцээрээ санхүүжилт босгох юм. Яагаад бид ийм байдалд орчихов, яаж гарах вэ? Монгол хүн нутагтаа яаж эзэн шиг амьдрах вэ гэдэг арга замыг заах юм.

-“Дайнаа зогсооё” гэж яагаад нэрлэсэн юм бэ?

– Өнөөдөр бид эдийн засаг, санхүүгийн дайн, оюун санааны дайн, экологийн дайн, химийн дайн гээд олон дайны хөлд нэрвэгдээд байна. Энэ дайнаа зогсооё гэсэн хэрэг. Энэ бүхэн хаанаас яаж бий болоод байна, яаж бид энд яваад орчихов гэдгийг хүмүүст мэдүүлэхийг хүссэн юм. Иргэдээ сэрээгээд сэхээрүүлээд, эргээд бүгдээрээ нэгдэж, эх орон, газар шороо, ард түмнээ хамгаалъя гэсэн гол зорилготой.

Аж үйлдвэрийн хувьсгал гэж боллоо. Энэ хувьсгал олон сайн зүйлсийг авчирсан. Маш их баялаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Гэхдээ бас дэлхийн дулаарлаас эхлээд олон муу үр дагавар учруулсан. Хэчнээн гол горхи ширгэв. Дэлхий чинь бараг хайлах гээд байна. Дэлхийн мөсөн бүрхүүл нимгэрч байна. Нэг хайлчихвал дэлхий үерт автаад, эргэлт буцалтгүй болох прогнозыг гаргасан юм билээ. Дэлхийн дулаарлын тухай маш олон судалгаанууд бий. Дэлхийн дулаарлын 90 хувь нь хүний хүчин зүйлтэй холбоотой гэж үздэг. Бас цөлжилтийн асуудал байна. Цөлжчихвөл мод амьтан ургамал, хүн яаж амьдрах вэ. Хүн, амьтан, малын амьдралын эх үүсвэр ус, ургамал, хөрс, байгаль дэлхий чинь шүү дээ. Энэ бүхэн эргээд газар шороогоо ухаж, сүйтгэж байгаатай холбоотой. Дараагийн нэг анхаарах зүйл ус. Дэлхий усны хомсдолд орж байна. XXI зууны гол дайн усны дайн гэж тодорхойлдог. Усыг XXI зууны газрын тос гэж нэрлээд байгаа. Хүнс бол зэр зэвсэг юм гэж аль хэдийнэ тодорхойлчихсон. Хүнсээр дамжуулж үй олноор нь өвчлүүлж, хөнөөж болно. Хүнсний аюулгүй байдал өнөөдөр ямар түвшинд байгаа билээ. Монголчууд хэзээ ийм их хорт хавдартай байлаа. Бид юу идэж, хэрэглэж байна. Түүний чинь үр дүн.

-Хүнс зэвсэг гэж үзвэл хаанаас хүнсээ аваад байна гэдэг том асуудал болж хувирах юм байна?

-Генетикийн өөрчлөлттэй хүнсийг бид идэж байгаа. Маш их ашиг олохын тулд дэлхийн хүнсийг ингэж үйлдвэрлэдэг. Тэгэхээр байгалийн гаралтай органик хүнсээ хадгалах, хамгаалах, аривжуулах, хэрэглэх чиглэлээр бодлого явуулахгүй бол горьгүй нь. Саяхан Америк яваад ирсэн манай нэг эрдэмтэн ярьж байна лээ. Америкт тостой кофе гаргахаар туршилт хийж байна гэнэ. Монголчууд өрөм тос цайндаа хийж уудаг байсан шүү дээ. Бидний уламжлалт хоол хүнс цэвэр, экологийн гаралтай байж. Байгаль орчин нь цэвэр, идэж байгаа хүнс нь цэвэр, агаар нь цэвэр, оюун санаа нь цэвэр үед өссөн учраас бид харьцангуй эрүүл байна. Одоо бол хүнсээр дамжаад маш олон өвчин үүсч байна. Ургийн гажиг хөгжил ихэсч байна. Монгол элэг, ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлж байна шүү дээ.

-Германы нэг улстөр судлаачийн яриаг уншлаа. Тэд Марксаа, “Капитал”-аа эргэж судлаад, шинэ онол хайгаад байгаа юм билээ. Та бас “Капитал”-ыг судалсан гэсэн үү?

– Францын эдийн засагч Томас Пикетти гэдэг хүн “XXI зууны капитал” гэдэг ном бичсэн юм. Энэ номоо 2013 онд хэвлүүлсэн. “Капитал”-д юу гэж бичсэн гэхээр дэлхийн хүмүүс асар их капитал үйлдвэрлэсэн байна. Баялгаа буруу хуваарилсан. Баян хэсэгт нь асар их баялаг очдог, ядуу хэсэгт нь баялаг бараг хүртэхгүй байгаа нь дэлхий нийтийн асуудал болсон байна. Үүнийг засахын тулд дэлхий нийтийн татвар гэдэг концепцийг санал болгосон юм. Марксийн “Капитал”-д таваарт шүтэх үзлийн тухай бий. Манай монголчууд ч эд баялгийг хэт их шүтэж байна. Хүн ёс суртахууны доройтолд орж, хүн хүнээ барихад хүргэнэ. Мөн чанар нь өмч, мөнгийг шүтэх. Бид хүсэл шуналынхаа боол болчихсон. Шуналдаа автаад нэг нэгэндээ дайсан болчихсон. Сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдаж аваад байдаг нь эрх мэдлээ алдахгүйн тулд юм шүү дээ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах замаар манайхан төрөө байгуулж байгаа. Тийм төрөөс хууль бус л юм гарахаас биш өөр юу хүлээх вэ.

-Та улстөрч хүн. Намдаа юу хийж байна вэ?

-Би МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн. Намынхаа үйл ажиллагаанд оролцоод явж байгаа. Би нэг зүйл дээр хатуу байдаг хүн. Монголын төрийг сонгуулийн аргаар байгуулах боломжгүй болсон. Тийм учраас эвийн аргаар энэ төрийг эмхлэн цэгцлэх шаардлагатай гэж үздэг.


Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж хамба Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд гаргахаар зорьж байна

Д.Нацагдорж хамба алганд багтахаар бяцхан ном харуулаад “Энэ бол 1760 онд байгуулагдсан Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацанд уншиж байсан номын горим, хөтөлбөр. Үүнийг тус хийдийн тахилч Цэнд-Аюуш гэдэг лам Гандантэгчинлэн хийдийн цорж лам, гавж Г.Диваасамбуу багшид маань1961 онд өгсөн юм билээ. Багш маань түүнийг 1990 он хүртэл хадгалж байгаад намайг Манба дацангаа байгуулах үед “Миний хүү хийдийн үйл ажиллагааг сэргээж, энэ горимын дагуу хурал номоо авч яваарай” гээд надад өгсөн. Миний багш багаасаа Манба дацанд сууж ном үзсэн хүн. Багш маань хийд байгуулах бүх л ажилд оролцоод, лам нарыг маань сургаж тусалсан” хэмээлээ. Амралтын өдөр Манба дацан эмнэлэгийн долоон давхарт байрлах Д.Нацагдорж хамбын өрөөнд зочилсон юм. Уг эмнэлгийн эсрэг талд Оточ манрамба их сургууль сүндэрлэх агаад хоймор хэсэгт нь Манба дацан хийд дүнхийнэ. Д.Нацагдорж хамба Монголын уламжлалт анагаах ухааны сургалт, эмнэлэг, эмийн үйлдвэрийг цогцоор нь хөгжүүлж байгаа эрхэм билээ. Түүний өрөө бурхан, тахил, судар номоор баян. “Буддизм тэр дундаа анагаах ухааныг судалж, түүнийгээ олон хүнд заан сургаж, буддын уншлага зан үйлийг хийж, энэ том соёлыг дараагийн үедээ үлдээх бодолтой явдаг” хэмээн Манба дацан хийдийн хамба лам, Уламжлалт анагаах ухааны Манба дацан нэгдсэн эмнэлгийн зөвлөх, хүний гавьяат эмч Д.Нацагдорж ярьсан.

Хамба бас нэгэн нандин судар дэлгэн харуулав. Тэрбээр “Надад олон орон хийдийн шүтээн, нандин ном судар хадгалагдаж байдаг. Тухайлбал энэ “Хутагт Тарва Чэнбо-до” хэмээх их хөлгөн судар байна. 1700 оны үед бүтээгдсэн энэхүү судрын нэг шадыг алтаар, дараагийнхыг нь номингоор гэх мэтээр есөн эрдэнээр бичсэн.

Монголчууд түүхийг ингэж хичээнгүйлэн бүтээж байжээ” хэмээв. Биднийг хамбын өрөөтэй танилцаж байхад нэг лам өрөөнд орж ирэн, үүдэнд зогсоод “Маргааш (бүтэн сайн өдөр) есөн цагаас чогчин хуралтай, сахиустай” хэмээн айлтгахад, хамба “За” хэмээн хариулав. Хамбын ажил хагас, бүтэн сайнгүй үргэлжилдэг юм билээ. Ажлын өдрүүдэд түүнийг олж уулзахад бэрх.

Хурлын зууван ширээн дээр ч баахан ном хураажээ. Ийнхүү номонд умбасан шалтгаанаа “Хэд хэдэн ном бичээд эхэлчихсэн байгаа, мөн хичээл заах, оношилгоо, эмчилгээний арга аргачлал, жор судлахад олон ном, судар эргүүлж үзэх хэрэгцээ байнга гардаг” гэдгээр тайлбарлав. Уншсан номуудынхаа онцлох хэсгүүдэд шар цаас наасан үзэгдэнэ.

“Бид Буддын анагаах ухааныг хөгжүүлж байгаа ард түмэн”

Хамба лам “Монголын анагаах ухаан хаанаас эхлэлтэй вэ?” хэмээн асуугаад, өөрөө түүндээ ийнхүү хариулсан юм.

Монголчууд уламжлалт анагаах ухааныг Бурхан багшийн эрин үеэс хойш өнөөдрийг хүртэл 2970 гаруй жил онол, шүнтэй нь уламжилж хөгжүүлж, хэрэглэж ирсэн. Урьд эмч нарыг Манба дацангуудад бэлтгэдэг байжээ. Манба гэдэг нь эмч, дацан гэдэг нь хурал ном, сургалт эрдмийн газар гэсэн үг.

Эмч нарыг манба дүйрава, манба гавж, манрамба, бумравжамба гэсэн дөрвөн чиглэлээр бэлтгэж байв. Маарамба гэдэг нь манрамба гэсэн үг. Судалгаанаас харахад Монголд 250-иад Манба дацан ажиллаж байжээ.

Манба дацангуудад эмч бэлтгэх сургалтын нарийн жаяг, хөтөлбөр, дэглэмтэй байлаа. Манрамба, бумравжамба нарыг орон нутгийн эмч нарын дундаас шалгаруулан, хошуу нутагт дамжаа бариулан тусгайлан бэлтгэдэг байжээ. Ингэхдээ тухайн эмч нарыг хурал номоос нь чөлөөлдөг байв. Манба гавж гэдэг нь Анагаах ухааны дөрвөн үндэс, шүнг үзээд, төгссөн эмч нараа хэлдэг. Түүнээс дээш маарамба болон бумравжамба гэсэн хоёр ахисан түвшний зэрэг олгох сургалт байжээ.

Манба дацангуудад ажиллаж байсан эмч нар анагаах ухааны номыг таван настайгаас эхлээд насан өтөл болтлоо сурч, судалж байсан учраас Монголын эмч нарын мэдлэг, чадвар өндөр түвшинд хүрсэн байв. Монгол эмч нарын нэр алдар Азид тэр дундаа Хятад, Түвд, Ладак, Сиким, Бутан, Непал зэрэг орнуудад түгж, түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

XVI зууны үед Түвдээс Монголд анагаах ухааны өв уламжлал маш хүчтэй орж ирсэн. Тэр үеийн монгол оточ эмч нар бүх төрлийн өвчнийг оношлон, анагааж байв. Мэс засал хүртэл хийж байсан түүх бий. Хэрэглэж байсан багаж нь ч үлдсэн байна. Нүд, тархины хагалгаануудыг хийж, амаржиж чадахгүй байгаа эхэд ч хагалгаа хийж байж.

750 оны үед Түвдийн алдартай эмч Ютог Ёндонгомбо Түвд оронд анагаах ухааны сургууль байгуулахад монголчууд очиж сурч байсан тухай түүхэн эх сурвалжид тэмдэглэжээ. Монгол угсааны оточ нар Түвдийн хаад ноёдын эмч байсан. Гурван том анагаах ухааны мэргэд байдаг гэж тухайн үедээ үзжээ. Нэг нь Аюурвэд, нөгөө нь Хятадын анагаах ухаан, нөгөө нь Дагсаг Монгол гэж байгаа юм. Бурхан багшийн айлдсан анагаах ухааны онолд үндэслэсэн номуудыг Ютог Ёндонгомбо эмхтгэж, өнөөдөр үзэж судалж байгаа “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг гол сурах бичиг болгож гаргасан. Энэ сурах бичигт Монголын төөнүүр эмчилгээний тухай байдаг. Энэхүү уламжлалт анагаах ухааныг бид өнөөдөр үргэлжлүүлэн хөгжүүлж байна.1921 онд Ардын хувьсгал ялсны дараахан уламжлалт анагаах ухааныг шууд хорьж устгаагүй юм билээ. Эхэндээ уламжлалт анагаахын эмч маарамбуудыг европ эмнэлгийн эмч нартай хамтад нь ажиллуулж байв. Харин 1937-1938 оны үед уламжлалт анагаах ухааны манба дацангуудыг хаасан. Хамгийн сүүлд III Богд Ишдамбийнямын 1760 онд санаачлан Их хүрээнд байгуулсан “Бусдад Туслахуй анагаах ухааны Манба дацан хийд”-ийг устгасан байдаг. Энэхүү хийдийг 1990 онд багшийхаа санал болгосны дагуу сэргээн байгуулсан юм.

“Зүрх сэтгэл, урьдын ерөөл буяныг дагаж лам болсон”

“Би зүрх сэтгэл, урьдын ерөөл буянаараа лам болсон хүн” хэмээн Д.Нацагдорж хамба ярилаа. Тэрээр “Манай авдарт нэг хөлгөн судар байв. Аав, ээжийн шүтдэг тэр судрыг цагаан сараар гарган гэрээ тойруулж, гороолоод, зул барьж байгаад буцаагаад далд хийдэг. Арван хэдтэй байхад манайд нэг хүн ирж мөнөөх судрыг уншсан. Судрыг нээхэд нь харсан чинь миний мэдэхгүй бичиг үсэг байна. Энэ сударт юун тухай бичсэн байдаг бол гэсэн сониуч бодол төрж байв. Тэр бодол салахгүй байсаар энэ номын ухаанд гүн гүнзгий орчихсон хүн дээ” хэмээн хуучилсан.

Д.Нацагдорж 1975 онд техникумд сурч байхдаа уйгаржин монгол бичиг, түвд бичгийг бие дааж сурчээ. Тэр үедээ уламжлалт анагаах ухаан, зурхайн ухаан, буддизм судалсан анхны багштайгаа учирч, тэр үеэс буддын ухаан болон уламжлалт анагаах ухааныг шавь сургалтаар заалгаж эхэлсэн байна. Хамба лам “Багш маань надад уламжлалт сургалтын аргаар “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг шүнгийн дагуу зааж сургасан. Багш маань 1981 онд “Миний шавь энэ ухааныг ёс жаягийн дагуу сурч судаллаа. Одоо ойр зуурын эм хийгээд, хүнд туслаарай” гэсэн юм. Би тэр үед Шашны их сургуульд сурч байсан.

Тэгээд эм хийж, хүн үзэж, эмчилж байлаа. Шашны их сургуулиа төгсөөд Гандантэгчинлэн хийдэд хурал хурж байх үед уламжлалт анагаахын чиглэлээр нэг хүнийг гадагшаа явуулж сургах болсон. Тэр үед Гандангийн лам нар тоотой хэдхэн байв. Хязгаарлагдмал тоогоор лам бэлтгэж байсан үе. Тэдэн дундаа эмийн ном үзсэнээрээ нэр хүндтэй байлаа. Тэгтэл Гандангийн удирдлагууд хэлэлцэж байгаад намайг сонгож, Энэтхэг улсын Дхарамсала дахь Түвдийн эмнэлэг зурхайн сургуульд явуулсан юм. Би оюутан байхаасаа англи хэлийг бие даан үзэж байгаад МУИС-д англи хэлний анги байгуулагдахад нь элсэн орж, 1988 онд төгссөн хүн. Энэтхэгт сурч байхдаа 1990 онд амралтаараа ирсэн чинь тэр чигээрээ өөрчлөгдсөн байлаа. Хүн үзэж, ном уншихдаа ч айдаг байсан нь арилжээ. “Ардчилал бий болоод бүх юм чөлөөтэй болсон” гэцгээж байна. Зуны амралтаараа ирчихээд Гандантэгчинлэн хийдийнхээ Х.Гаадан хамбад “Би Гандандаа анагаах ухааны хийд, сургууль байгуулъя” хэмээн айлтгахад, хамба маань “Манай Нацагаа сайхан санаачилга гаргаж байна. Гэхдээ одоо эдийн засгийн боломж байхгүй” гэсэн хариу өгсөн. Тэгээд одоо яадаг юм бол доо гээд бодож байсан чинь хүмүүс “Одоо өөрсдөө бие дааж юм байгуулъя гэвэл чөлөөтэй болсон шүү дээ” гэж байна. Тэгээд л анх 1990 онд Монголын уламжлалт эмнэлэг, сургалтын төв Манба дацан байгуулсан. Эргээд социализмдаа очвол бид яах вэ гэдэг айдас тэгэхэд хүмүүсийн сэтгэлд байж дээ гэж одоо боддог. Тухайн үед надад мөнгө байгаагүй. Энэ том үйлсийг бүтээнэ гэсэн сэтгэл л байсан. Өглөө эрт ажилдаа гараад, үдэш болтол ажилладаг байв. Заримдаа үүр цайтал ч ажиллах хэрэг гарна. Анх Манба дацан төвөө байгуулчихаад, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хэдэн өрөөнд ажлаа эхэлж байлаа. 1991 онд банкнаас мөнгө зээлж, Манба дацан хийдийн барилгыг эхлүүлсэн. Тэр үед манаачид өгөх цалин ч байсангүй. Эхний үед өдөр нь ажлаа хийчихээд, шөнө нь өөрөө барилгын материалаа харж хонодог байв. 1990 онд Монгол Улсад хамгийн анхны хувийн хэвшлийн эмнэлгийн болоод эм үйлдвэрлэх зөвшөөрөл авч, эмээ гар аргаар хийж байв. 1991 онд Оточ манрамба дээд сургууль байгуулж, их сургууль болтол нь хөгжүүлсэн. Энэ их үйлсийг бүтээж, өдий зэрэгт хүргэхэд дээдийн номын багш нар маань, арван зүгийн бурхад, сахиус, бодисадва нар, олон сайхан сэтгэлтэй хүмүүс тусалж дэмжсэн. Би арваад жилийн турш Англи улсад олон удаа очиж, уламжлалт анагаах ухааны үзлэг, оношилгоо, эмчилгээ хийдэг байв. Тэнд ажиллаж, өөрийнхөө мэдлэг, чадварыг үнэлүүлж, олсон мөнгөөрөө банкнаас авсан зээлээ төлж барагдуулсан даа хэмээн хамба дурслаа. Англичуудтай тогтоосон хамбын сайн харилцаа олон түүхээр баяжсан. Английн баримтат киноны алдартай найруулагч Бенжамин Жонс “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноныхоо хоёр дахь цувралын гол баатраар Д.Нацагдорж хамбыг сонгосон юм.

“Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал киноны багийнхантай.

“Лус савдгийн хорлолоос болоод хавдар хүртэл үүсдэгийг уламжлалт анагаах ухаан нотолсон”

“Оточ манрамба их сургуулийг төгссөн эмч сувилагч, эм зүйчдийн 95 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна” хэмээн Д.Нацагдорж хамба бахархлаа. Тэднээс найман доктор төрсөн гэнэ. “Дөч гаруй эмч дэлхийн 15 оронд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн шүү. Манай сургуульд Польш, Болгар, Франц, Тува, Буриад, Өвөрмонголоос хүмүүс сурч байна. Бид дорнын анагаах ухааныг сонирхдог америк, итали, англи гээд олон орны эмч, судлаачдад сургалт явуулдаг” хэмээн тэр танилцуулав.

ДЭМБ 2030 хүртэлх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх бодлого зөвлөмжөө гаргасан. Уламжлалт анагаах ухааны өв уламжлалтай улс орнууд үүнийгээ хөгжүүл, эрүүл мэндийн салбартаа татан оролцуул гэдэг. Манай оронд ерээд оноос хойш европ анагаах ухааны сэтгэхүйтэй хүмүүс уламжлалт анагаах ухааныг хөгжүүлсэн сургалтын хэлбэр одоог хүртэл явагдаж байна. Харин бид уламжлалт анагаах ухааныг цэврээр нь, өөрийнх нь үзэл онолоор нь хөгжүүлж, үр дүнтэй ажилладаг. Уламжлалт анагаах ухаан архаг өвчинд сайн, европ нь хурц өвчинд сайн гэдэг яриа байдаг. Энэ бол их буруу ойлголт. Учир нь уламжлалт анагаах ухаан хурц өвчнийг ч анагаадаг. Элэгний вирустай, хавдартай хүнийг ч эдгээсэн нь олон. Энэ анагаах ухаан цогцоороо, өөрийнхөө үзэл онолоор хөгжиж байж үр дүн нь гардаг. Европ анагаах ухааны сэтгэхүйтэй хүмүүс уламжлалтыг буруу хөгжүүллээ гэж би олон жилийн өмнө шүүмжилж байсан. Монгол хүн гэртээ орохдоо үүд хаалгаараа ордог юм. Энэ хүмүүс гэрийнхээ ханыг цөм цохиод ороод ирлээ. Зүү төөнүүр, бариа заслаар уламжлалт анагаах ухааныг төлөөлүүлж ярьж явсан нь том алдаа байсан. Хүмүүс үүгээр нь уламжлалт анагаах ухааныг ойлгоод байх шиг байна. Тийм биш шүү дээ гэж ярьж байсан.

Монголын уламжлалт анагаах ухаан хүний бие болоод сэтгэлийг цогцоор нь оношилж, эмчилдгээрээ давуу. Цул, сав эрхтнүүдийг таван махбодын уялдаагаар оношилж, эмчилгээгээ эхэн, дунд, төгсгөлийн гэсэн гурван шат дарааллаар хийж, хамгийн сүүлд нь өвчний урхагийг дарж, бүрэн дүүрэн эмчилдэг эмчилгээний нарийн зарчимтай.

Монголчууд сүүлийн үед хагалгааг хэт шүтэж байгаа нь олон муу асуудал дагуулна гэж боддог. Уламжлалт анагаах ухааны эмчийн үүднээс харахад мэс заслын бус аргаар эмчилчихээр тохиолдолд ч мэс засал хийсэн байх юм. Гурав, дөрвөн цул, сав эрхтнээ авахуулсан хүн ч таарч байна. Би тэр хүний бүхэл бүтэн эрхтнийг нь орлох юмыг яаж хийх вэ. Цөс, олгой, хоолойны махыг авахуулахыг ингэх ёстой гэсэн байдлаар хүлээж авч байна. Энэ эрхтнүүдийг шинээр бүтээж чадахгүй шүү дээ. Маш болгоомжтой хандах хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаанд хүнийг эмчлэхдээ гариг эрхэс, зурхайн хэмнэлтэй нь холбож үздэг. Тухайн жил болоод өвчтөний төрсөн жилийг харгалзан үзнэ. Жил болгон хүний нэг эрхтэн нь голлон хямарч, дагалдаад бусад эрхтэн өвчлөх нь байдаг. Мөн ад тотгороос болж, олон төрлийн өвчин үүсч, амь насыг авах хүртэл аюултай байдаг. Сэтгэцийн өвчнүүд ихсэж байна. Аливаа зүйлд донтдог хүмүүс олширлоо. Донтолтыг эмчлэхэд уламжлалт анагаах ухаан хамгийн сайн нөлөөтэй. Сэтгэцийн өвчин туссан хүнд эм өгөөд эдгээсэн нь ч бий. Гүрэм ном хийгээд эдгээсэн ч бий. Гүрэм ном, эм хослуулж эдгээсэн нь ч байна. Хүндрэлтэй төрдөг, зулбах гээд байдаг эмэгтэйчүүд, үр хүүхэд олдоггүй хүмүүст зөндөө тусаллаа хэмээн хамба хэллээ.

Өвөлдөө хүүхэд нь ханиад ээрч, арга мухардсан ээжүүд олширдог. Харин уламжлалт эмнэлгийнхэн ямар арга хэрэглэдэг бол?

Хамба “Манай хүүхэд жил болгон ханиад хүрээд, хүндрээд байсан чинь танай эмнэлэгт ирээд хэдэн тан уугаад эмчлүүлсэн. Энэ жил ханиад хүрээгүй“ гэж хүмүүс хэлдэг юм” гэлээ.

“Хүний биед нар, сарны болоод 28 одны сайн, муу нөлөөлөл байна. Түүн дээр хүний өөрийн муу сэтгэл, үйлдлээс үүсдэг, гаднын шалтгаантай 1080 гэг тотгор, 360 ад бий. Түүн дээр нь лус болоод савдгуудын хорлол бас байгаа юм. Лус, савдгийн хорлолд бурхдын айлдсан нууц тарнийн гүрэм, домын засал хийхэд тэдгээр нь зайлж алга болоод өвчин эдгэдэг. Бид гүрэм заслыг шаардлагатай хүнд хавсарч хэрэглэдэг. Тухайн хүний жилийг дагаад нөлөөллийг нь гаргахдаа тарнийн хүч чадал болоод судрын адис жанлав хүч чадлыг ашиглахаар зовуурь шаналгаатай байсан хүн эдгээд гардаг” хэмээн тэр тайлбарласан.

Англид уламжлалт анагаах ухаан, Монголын түүх,соёлын талаар лекц уншиж байгаа нь.

“Муу үг муу үр дагавартай, өөрт нь төдийгүй өрөөл бусдад хорлолтой”

Хэрүүл, хараал хэлдэг хүмүүс их болсон. Зам дээр түгжирсэн ч биенийгээ доромжлох, бүдүүлэг үг хэрэглэх нь гэм биш зан. Үүнийг “Хэлний нүгэл хурааж байгаа юм” хэмээн Д.Нацагдорж хамба тайлбарлав. Муу үг хэллэг муу үр дагавар авчирдаг. Өөрт нь ч өрөөл бусдад ч муу нөлөөтэй. Хүний амнаас гарч байгаа муу муухай үг хэллэг, агаар мандалд дуу авианы кодоор цацарч, лус савдагт хүртэл нөлөөлдөг юм билээ. Надад нэг хүн ирээд ингэж хэллээ. “Би нэг хүнтэй хэл ам хийсэн юм. Түүнээс хойш бие маань өвдлөө. Тэр л надад муу юм хийчихлээ” гэсэн. Тэгэхээр нь би “Тэр хүн чамайг хорлоогүй ээ. Та хоёр муу үг хэлсэн нь үнэн байна. Чи тэр хүнээ битгий буруутга. Ад тотгор хорлогч нар, лус савдгууд хэрүүлд дургүй. Хэрэлдээд эхлэхээр нь хоёуланд чинь дургүйцээд хорлочихжээ. Чи зовж байгаа бол нөгөө хүн чинь бас зовж байгаа. Хэрүүлийн үгний кодыг тэд маш өөрөөр хүлээж авдаг юм байна. Та хоёрын дундуур савдаг давхиж орж ирээд хорлочихжээ. Чи харин ном засал хийлгээд, сэтгэлээ сайхан ариусга. Тэгээд наад хорлол чинь арилах нь дамжиггүй” гэсэн. Энэ талаар мэдэхгүй хүмүүс “Хүнд дээрэлхүүлэхгүй, эргүүлээд янз бүрээр хэлнэ” гэдэг. Өөрөө харин бурууддаг. Монголчууд ерөөл өргөдөг, сайхан үг хэлдэг ард түмэн байсан шүү дээ. Таагүй юм тохиолдсон ч “Ээ, буянаа нэм” гэдэг. Энэ чанар бидэнд дутагдаад байна. Сайн үг хэлж чадахгүй үедээ жаахан тэвчээд, дуугүй болчихгүй юу. Хэсэг хугацаа өнгөрөхөд тайвшрах байлгүй дээ. Сайхан буянтай хүмүүсийн хэлж байгаа ерөөлийг монголчууд алгаа дэлгээд хүлээж авах хэрэгтэй. Надад хүмүүс сайхан ерөөл хэлдэг юм. Би “Ерөөл бат оршиг” гээд хариу ерөөдөг. “Урт насалж, удаан жаргаарай. Таны ойр орчим бүгдэд миний ерөөл хүртэх болтугай. Адис жанлав нь буух болтугай” гэдэг.

Энэ замбуутив зовлонгийн мөн чанартай. Бурхан багш замбуутивийн амьтдыг гэгээрэлд хөтлөхөөр хамгийн хүнд үүрэг даалгаврыг авч, сайн цагийн мянган бурхдын дөрөв дэх болж, цөвүүн цагийн амьтдын тусыг бүтээхээр бусад 999 бурхдаас 500 их ерөөл илүү талбин байж заларсан байдаг. Тийм ч учраас Буддын сургаалд айлдсанаар “Орчлонд зүүний үзүүрийн төдий амгалан үгүй. Орчлонгийн жаргал бол урвадаг зовлон. Хүн гэдэг чухал, сайн төрөлд төрчихөөд орчлонгийн муу муухай балчиг шаварт хутгаж буруу, нүгэлт явдлаар эрдэнэт хүмүүний амьдралыг барж дуусгах уу, чухал төрлийн мөн чанарыг ойлгоод зөв, сайн явдлаар орчлонг туулах уу гэдэг хоёр зам бий гэж би ойлгодог.

“Бага хүү маань гурван настайдаа сахил аваад лам болсон”

Хамба зургаан хүүхэдтэй гэнэ. Том хүү гадаадад ажиллаж байгаа. Хэл, бизнесийн чиглэлээр суралцсан. Том охин уламжлалт анагаах ухаанд суралцаж, Тайваньд докторын зэрэг хамгаалаад, эндээ ажиллаж байна. Хоёр дунд хүү эмч мэргэжилтэй. Бага охин Оточ манрамба их сургуулийн оюутан, сайн суралцаж ирээдүйд уламжлалт анагаах ухаанд хувь нэмрээ оруулна гэсэн найдлага төрүүлж байгаа. Бага хүү маань дунд сургуульд суралцаж байна. Ирээдүйд ажил үйлсээ авч явах талаар зааж сургая, бурхны шашин, анагаах ухаанд хувь нэмрээ оруулсан хүн болгоё доо гээд ээж, аав хоёр нь олон зүйлийг хэлж ярьж, чиглүүлдэг. Бага хүү маань гурван настайдаа сахил хүртэж лам болсон. Цаашдаа энэ чиглэлээр нь явуулна гэсэн бодолтой байдаг. Хань маань Манба дацан эмнэлгийн зөвлөх эмч, Оточ манрамба их сургуулийн дэд захирал, анагаах ухааны доктор Г.Одонцэцэг гэж хүн бий. Хорь гаруй жил шавь нартаа ном зааж, олон хүнд тус болоод, уламжлалт анагаах ухаан, бурхны шашинд эргэлт буцалтгүй ороод, дээдийн ном үзэж судлан, дэлгэрүүлээд явж байгаа хэмээн Д.Нацагдорж хамба гэрийнхнээ танилцуулсан юм.

Гэр бүлийн зураг өгөөрэй гэхэд маань “Хоёр жаахантай авахуулсан зураг л байж магадгүй дээ. Бөөнөөрөө зураг авахуулах гэхээр нэг нь гадаадад, нөгөө нь энд тэнд явж таардаг. Тэгээд ч би нэг их чухалчлахгүй юм даа. Ажил гэж явсаар таарах юм” хэмээн дуугарч байна.

Тарнийн хүч

Хамба тарни уншихыг ихэд чухалчлан үздэг юм билээ. Тэрбээр ийм түүх ярилаа. “Би нэг хүнд тарни уншихын тус эрдмийг тайлбарлахад “Манай эмээ тарни их уншдаг байсныг мэднэ. Урт насалсан, өвдөж зовж байгаагүй. Эмээгээ ийм мундаг буян хийж байсныг мэдээгүй явжээ.Тарни ийм хүчтэй гэдгийг танаас сонслоо” гэж хэлсэн гэнэ. Ээж, аав нь тарнийг өндөр тоогоор уншсан бол хүүхдээ тарниар адислан үлээхэд өвчин зовиур нь амарлиж, арилна.

Хүмүүний бие сэтгэлийг 84 мянган нисванисын муу сэтгэл хорлож байдаг. Үүнийг мэдсэний үндсэн дээр түүнийгээ ариусгах, арилгах, хамгаалах ерөндөг болсон 84 мянган судар тарнийн номыг бурхан багш айлдсан. Мунхаг нисванисын сэтгэл нь өвчин бүгдийншалтгаан болдог. Тарни нь санскритаар “Мандара” гэсэн үг. “Ман” гэдэг нь сэтгэл, “дара” гэдэг нь аврах гэсэн утгатай. Тарнийг эгэл хүн зохиож чадахгүй. Харин гэгээрэлд хүрсэн бурхадын нинж асралын сэтгэл, хоосон чанар, арга билэг нэг цогц болж кодлосон ном” хэмээн тайлбарлав.Тарнийг тоонд нь хүргэж, тооноос нь ахиулан уншиж, бясалгаж, бясалгалын хүчийг үүсгэн, нинж асралыг, хоосон чанарыг онож мэдсэнээр тарни эмчилгээг хийдэг байна.

Уншигчдадаа зориулан тарни айлдаж өгөхийг хамбаас хүссэн юм. Эдгээр тарнийг амьдралынхаа туршид унших учиртай гэнэ. “Нэг тарнийг доод тал нь сая удаа унших хэрэгтэй” гэж зөвлөсөн шүү. “Арван сая удаа уншсан хүнд асар том өөрчлөлт гарна” гэлээ. Эдгээр тарнийг “Хамгийн залхуу хүн ч уншихаар хураангуйлсан” хэмээн хамба хошигнож байна лээ.

“Итгэл”гэхэд л бурхан Гончигсүмтэй холбогдох үүд хаалга гэлээ.

Манал бурханы тарнид багтаагүй юм үгүй. Онгоцоор нисч байхдаа ч уншчихад Манал бурхан даана гэв.Оюун ухааныг сайжруулах тарнийг өглөө болгон долоон удаа уншаад ус рүү үлээгээд, уух учиртай.

Итгэл:
Лама ла жавсү чио
Санжай ла жавсү чио
Чой ла жавсү чио
Гэдүн ла жавсү чио

Манла бурханы мөргөл:
Цанлэг, Рэнчэн, Сэрсан Ня ан мэд
Чойдог, Ончэн, Манла, Шагжа түв
Жачэн молам ёнсү зогба ей
Дэвар шэгба жадла чагцал ло

Манлын тарни:

Дадята ум вэйхазаеэ вэйхазаеэ
Маха вэйхазаеэ вэйхазаеэ
Раза самуд гадэ суха

Манзушир бурханы мөргөл:
Жамби, янла, чагцал ло

Манзушир бурханы тарни:
Ум ара база нади

Очирваань бурханы мөргөл, тарни:
Жонло, жанжий, найчог, дамба, най
Санаг, ригаг, гүнжи, дагва, дэ
Лэгдэн, гэгжи, цогнам, жомзад, ви
Жомдан, доржэ, зинла, чагцалло
Ум, базар, вани, хум, пад

Оюун ухааныг сайжруулах тарни:
Дадята гаяа зага надэ суха

Ажил хэрэг, үйлс бүтээх тарни:
Ум сарва шинди суха

“Анхан шатны ийм хэдэн тарнитай байхад ном аривжиж болдог”гэж Д.Нацагдорж хамба хэлсэн шүү.

Манба дацанд эм аравнайлдаг

Уламжлалт анагаах ухааны эм хийх стандарт бий. Олон улсын стандарт шаардлагыг бид хангаад явж байна. Бид Монголын цэвэр, ариун дагшин байгалийн гаралтай түүхий эд хэрэглэхээс гадна гадаадын түүхий эд ашигладаг. Гадаадын түүхий эд тухайн улс орондоо шаардлага хангасан гэсэн үг. Бид 800 гаруй уламжлалт эм танг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн. Манай багш, судлаач, оюутнууд нарийн ёс зүй, стандарт, ёс жаягийн дагуу эмийн ургамлаа түүж бэлтгээд, Манба дацан эмийн үйлдвэрийн лабораторид шинжилж, баталгаажуулдаг. Манай эмийн үйлдвэрийн дамжлагын нэгэн чухал хэсэг бол эм аравнайлах зан үйл юм. Аравнайлсан эм нь эмийн чадал дээрээ дахиад бурхдын адис жанлавтай асар том хүчийг нэмдэг. Бид болгарчуудтай уламжлалт эм хийх талаар ярьж байна. Тайванийн нөхөдтэй ч өөх тосны илүүдэлтэй өвчтөнүүдийн талаар судалгаа хийж байна. Бид энэ сарын сүүлээр уламжлалт анагаах ухааны олон улсын эмийн үйлдвэрийн зураг хийдэг Шнхайн компанитай хамтарч, олон улсын эмийн үйлдвэрийн шаардлага хангасан Манба дацан эмийн үйлдвэр байгуулах гэж байна Монгол эмийг дэлхийд гаргах бодлого явуулж эхэлнэ. Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд брэнд болгон хөгжүүлье гэж би ерээд онд л ярьсан хүн. Өнөөдрийг хүртэл 28 жил хичээж, зүтгэж байна. Энд биднээс гадна төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухааны эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүст даатгалын систем нь алагчилж үйлчилдэг. Уламжлалт эмнэлэгт даатгалаас хамгийн бага мөнгө олгодог гэж Д.Нацагдорж хамба хэлсэн юм.

Өрхийн эмнэлэгт уламжлалтын эмч байдаг бол доо…

ДЭМБ-аас хувь хүн рүү чиглэсэн, үр дүнтэй мөртлөө өртөг багатай уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг өрхийн эмнэлгүүдэд нэвтрүүлэх нь үр дүнтэй гэж үздэг ажээ. Өрхийн эмнэлэгт ирсэн эмээ, өвөө, хүүхэд нялхас хэн боловч уламжлалтын эмчдээ үзүүлдэг болчихвол мөн ч их баярлана даа гэж бодогдов. Харин энэ талаар Д.Нацагдорж хамбаас тодруулахад: “Эрүүл мэндийн хуулинд Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг европ болон уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Өрх сумын эмнэлэгт ч ялгаагүй. Энэ хууль хэрэгжихгүй байна. Өрхийн эмнэлэгт уламжлалтын эмчийг орон тоогоор авч ажиллуулах хэрэгтэй. Өрхийн эмнэлэг анхан шатанд нь эдгээчих өвчтөнүүд манайд их ирдэг. Уламжлалтын эмчийг эмтэй нь, засал эмчилгээ хийх өрөө, орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд, уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй үзүүлэх хэрэгтэй. Ингэвэл Монголын эрүүл мэндийн салбарт асар том өөрчлөлт гарна” гэж хариуллаа.

Categories
мэдээ цаг-үе

​Ц.Оюунгэрэл: Үерт автдаг газарт өтгөн, шингэн ялгадсыг тусгай саванд бордоошуулагч жорлон тохиромжтой

“Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Үргэлжлэн орсон борооны улмаас гэр хорооллын жорлон хальж, гудамжаар өтгөн, шингэн нь хөвлөө. Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж, ариутгал хийх тухай ярьцгааж байна. Ийм байдалд дахин орохоос сэргийлж, жорлонгийн технологио шинэчлэх шаардлагатай биш үү?

-Яг одоогийн нөхцөлд хамгийн түрүүнд ариутгал хэрэгтэй. Үерийн дараа халдварт өвчний аюул гарч ирнэ. Энэ бол гамшгийн дараа хийх ажил. Үер ганц удаагийнх биш. Жилийн жилд болж байгаа. Гэтэл жил бүр авах ёстой арга хэмжээг авахгүй байна л гэсэн үг. Улаанбаатар олон голын сав газар. Голын голдирол руу үерийн ус оруулах боломжтой. Дахин дахин үерт автаад байна гэдэг суваг, шуудуугаа сайн татаагүй байна гэсэн үг. Үерийн далан үүргээ гүйцэтгэхгүй байгаа хэрэг. Энэ бүхэн мөнгөө шаардлагатай зүйлдээ зарцуулж чадахгүй байгааг харуулж байна. Мөнгөө чухал зүйлдээ зарцуулж чадаагүйн төлбөрийг бид төлж байна. Үерт автсан газрууд төвлөрсөн системд холбогдсон байсан ч цооногууд нь дүүрчих байсан. Үер орчихвол бүх технологийг гацаадаг. Манайх далайн түвшнээс дээш өргөгдсөн газар. Үерийн менежментийг хийх бүрэн боломжтой. Далайн эргийн хотуудад тэр их усыг хашаад, зургаан сарын турш ордог борооноос хамгаалж байхад бид зургаа хоногийн борооноос хамгаалж чадахгүй байна. Өнөөдөр засаглалын гамшиг нүүрлээд байна. Халдварт өвчний үүр болоход бэлэн сууж байна.

-Нэг дүүргийн Засаг дарга жиргэсэн байна лээ. Үерийн далан дээр байшин барьчихсан, хогоор дүүрчихсэн гэж халаглажээ. Яагаад бид яг үерт автах үедээ үерийн даландаа санаа тавьдаг юм бэ. Өмнө нь далангаа цэвэрлэж, барилгыг нүүлгэж яагаад болоогүй юм бол?

-Иргэдтэйгээ чухал асуудлаа ярилцахгүй байна. Жорлонгийн, үерийн, галын аюулын талаар ярилцдаггүй. Түргэн тусламж шаардлагатай үед гудамж зам чөлөөтэй байх ёстой шүү гэж ярьдаггүй. Иргэдийг хуурах юм л ярьдаг. Хүүхэд бүрийн сургалтын төлбөрийг даах ёстой, айл болгоныг мөнгөтэй болгоно, нүүрсийг чинь үнэгүй өгнө гэж ярьдаг. Ард түмэнтэйгээ амьдралд нь тулгарсан асуудлаар, алсын хараатай сэдвээр ярьдаггүй. Хэрэв бид иргэдтэйгээ яриад, хотыг төлөвлөхдөө иргэдээ оролцуулсан бол өнөөдрийн олон асуудал шийдэгдэх байсан. Иргэд хотыг төлөвлөхөд оролцдог

байсан бол үерийн даландаа заавал газар гаргана. Иргэдээ оролцуулж хотоо төлөвлөдөг, иргэдийнхээ оролцоотойгоор төсвөө зарцуулдаг, иргэдийнхээ оролцоотойгоор технологийн шинэчлэл хийдэг байж зөв зүйлд хөрөнгө оруулдаг болно. Улс төрчид хууран мэхлэх сэтгэлгээгээр хэтэрхий удаан явлаа. Улстөрчдийг худлаа ярихыг нь болиулмаар байна. Үнэнээ ярьдаг болмоор байна. Намайг “Жорлонгоо өөрчилье” гээд ярихаар яагаад муухай нэртэй ном хийчихсэн юм бэ, яагаад жорлон яриад байгаа юм бэ гэж хүмүүс хэлдэг байсан. Үнэн юмыг үнэнээр нь хэлээд байхаар одоо бол жорлон гэдэг үгээр нь ярьж байж л жорлонгоо өөрчлөх юм байна, бид нар яагаад үнэнээс зугтаадаг юм бол гэх болсон. Байгаа юмыг үнэнээр нь ярьж байж хөгжинө. Сонгуулиас сонгууль хүртэл яаж дараагийн гоё яриаг гаргаж ирэх вэ гээд уран хууралт зохиогоод байвал байгаль биднээс хариугаа аваад л байна. Хүнийг чухал асуудлаас яаж хөндийрүүлэх вэ гэдэгт л ухаан зараад байна. Хоолойд тулчихсан өдөр тутмын чухал асуудал байхад өөр сенсаци гаргаж ирдэг. Боловсролыг үнэгүй болгоно, эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгоно гэх мэтээр Монгол Улсын төсөв хэзээ ч даахгүй юм ярьдаг. Ингэж худлаа ярихаа болиод байгаа жаахан мөнгөө зөв зүйлд зарцуулбал Монгол босоод ирнэ.

-Иргэдийн оролцоотой төсөв хийнэ, хот төлөвлөнө гэхээр мэргэжлийн бус хүмүүс чадахгүй, буруу шийдвэр гаргана гэх хандлага байдаг. Гэхдээ “Жорлонгоо өөрчилье” сургалтад оролцож байгаа иргэд жорлонгийн технологи сонгохдоо нутгийн хөрсний онцлог, өөрсдийн төлбөрийн чадвар, бололцоогоо зөв тооцоод сонголт хийж байгаа харагддаг?

-Үерт автаад байгаа Баянзүрх, Чингэлтэй дүүргийнхэн манай сургалтад суусан. 17 төрлийн жорлонгийн технологи танилцуулаад, та нар ямар нутагт, ямар дэд бүтэц, үйлчилгээтэй билээ, цаг агаар хөрсөндөө тохируулаад сонго гэдэг. Үерт автдаг нутгийнхан бид нарт нүхэн жорлон тохирохгүй юм байна. Ус ороод дүүрчих юм байна. Төмөр савтай хуурайшуулагч жорлон тохирох юм байна, газар ухахгүйгээр байрлуулдаг шидэт хайрцагтай жорлон буюу септик танк тохирох юм байна гэсэн. Буруу сонголт ерөөсөө биш. Орон нутгийн иргэд хамгийн зөв, төлбөрийн чадвартаа нийцсэн сонголтыг хийдэг. Төр иргэдээс асуухгүйгээр мөнгө цутгасан сонголт хийдэг. Үер ус ордог газруудад эхний ээлжинд үерийн далан хэрэгтэй. Үерийн далан эрсдэлд орж магадгүй гэсэн нөхцөлд жорлонгоо зөв сонгох хэрэгтэй.

Мөнгөө буруу үрэхгүйн тулд иргэд зөв шийдвэр гаргадаг. “За би нэг сая 500 мянган төгрөгт багтаагаад жорлонгоо өөрчилье дөө” гэвэл санхүүжилт хэрэгтэй. Бид тэр санхүүжилтийг олох гээд ажилласан. Капитрон банк эхний санхүүжилтийг гаргасан юм. Бид дээр нь нэмж зээлийн санхүүжилт босгохоор jorlon.org гээд вэб сайт нээж ажиллуулж байна.

-“Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр анзаарч байхад иргэд ийм жорлонтой болно гээд сонголт хийчихээр санхүүжилт байхгүй, жорлонд зээл олгодог газар байхгүй гэсэн асуудал яригддаг л даа. Капитроноос өөр банк жорлонгийн зээл олгох сонирхол илэрхийлсэн үү?

-Одоогоор “Капитрон” банк зээл олгохоор ажлаа эхэлсэн. Манай асуудлыг сонирхоод харилцан бие биеэ судлаад явж байгаа газрууд бий. Капитрон дээр байгаа эко жорлонгийн зээлийн санг нэмэгдүүлэхийн тулд Нутгийн шийдэл ТББ бас хөрөнгө босгох компанит ажил хийж байна. Энэ ажлаа олон улсад нээлттэй эхлүүлсэн. Вэб сайтаа нээгээд 24 цагийн дотор эхний захиа авсан. “Банк руу явж гадаад руу мөнгө шилжүүлэх хэцүү байдаг юм. Та нар онлайнаар мөнгөө авдаг болооч” гэсэн байна лээ. Гэтэл Монгол Улс гадаадын хандивлагч иргэдээс онлайн банкаар дамжуулаад pay pal болон бусад онлайн платформ ашиглаад мөнгө авч чаддаггүй юм байна. Яагаад гэхээр биднийг улсаараа санхүүгийн хариуцлагагүй гэж үздэг. Цахим мөнгөний нууцлалыг хадгалах чадваргүй гэсэн саарал жагсаалтад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс банкны нууцлалыг хадгалах чадваргүй байгаа учраас онлайн үйлчилгээгээр Монгол руу мөнгө оруулахгүй гэсэн хаалт байна. Манайх руу банкаар мөнгө шилжүүлээч гэж гуйхаар орчин үеийн гадаадын хандивлагч иргэд онлайнаар л хандивлана. Тийм учраас та бүхэн онлайн хандив авдаг гадаадын түнштэй болох хэрэгтэй байна гэж зөвлөсөн. Одоо бид Монголын жорлонг өөрчлөхийн тулд бидэнтэй нийлж хөрөнгө босгож өгөх гадаадын түншлэгч хайж эхэлсэн.

-Жорлонгоо өөрчлөхөд зориулж, олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах боломж хэр байдаг вэ?

-Засгийн газар жорлон барина гээд Азийн хөгжлийн банкнаас 2 сая доллар билүү авчихсан явж байгаа шүү дээ. Түүгээрээ ямар жорлон бариад байгааг мэдэхгүй. Хөвсгөлд АХБ-наас авсан мөнгөөр барьсан жорлонгууд бүгд цоожтой байна гээд энэ зунжингаа шүүмжлүүлж байгаа. Хүмүүс намайг бариулсан гэж бодоод, над руу дайраад байдаг юм.

Хэн бариад, хэн түгжээд орхичихсон юм гээд судлаад үзсэн чинь АХБ-ны мөнгөөр төр барьсан юм билээ. Нэг бүр нь зургаан сая төгрөгийн үнэтэй жорлон бариад, яаж хэрэглэх, арчлах, ямар менежмент хийх талаар иргэддээ сурталчлаагүй орхисон. Энэ зунжингаа би жуулчдад яриа хийж байгаа. Ганцхан жуулчдын групп тэр жорлонг ашигласан байна лээ. Ихэнх нь цоожтой байсан гэж хариулсан бол нэг л группийнхэн “Хөвсгөлийн жорлонг ашигласан. Гоё жорлон байна лээ” гэсэн. Үнэтэй аялал хийж байгаа жуулчдад хааяа нэг онгойлгож өгдөг юм болов уу. Энэ жорлонгийн шинэчлэлт биш л дээ.

Жорлонгийн технологийг хүмүүст танилцуулж, жорлонгоо өөрчлөхөд бүгдээрээ оролцох ёстойг ойлгуулахаар төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл маань богино хугацаанд хүмүүсийн анхаарлыг татлаа. Хойтон энэ сэдвээрээ дахиад төсөл хөөцөлдье гэж бодож байна. Нийтийн жорлонгийн менежментэд анхаарахаар төлөвлөж байна. Айлууд сайн жорлон бариад, хашаан дотроо арчлаад байж чадна. Нийтийн жорлон гэхээр менежмент нь ч алга, жорлон нь ч алга, цэвэрлэгээ, үйлчилгээ нь ч алга.

Жорлонгоо өөрчилье гэвэл ямар элементүүд зайлшгүй өөрчлөгдөх ёстойг бид https://www.jorlon.org/ дээр тайлбарласан. Энэ бол жорлонгоо өөрчлөх, хөрөнгө босгоход зориулсан нээлттэй вэб сайт.

-Танай багийнхан Улаанбаатараас гадна бүх аймагт “Жорлонгоо өөрчилье” сургалт хийсэн. Энэ бүхний дараа шаардлага хангасан жорлонтой болсон айл хэр олон бол?

-“Жорлонгоо өөрчилье” гэж фэйсбүүк групп бий. Одоо 7000 гишүүнтэй болсон. Энд жорлонгоо өөрчилсөн хүмүүс мэдээллээ оруулдаг юм. Хөвсгөлийн Мөрөнд хийгдсэн жорлон хамгийн их шэйрлэгдсэн. Наадмын үеэр “FIMO green”-ий тусгай саванд бордоошуулагч эко жорлон хамгийн олон хүнд таалагдсан. Хүмүүсийн хийсэн жорлонгийн талаар гишүүд саналаа бичдэг. Бид есдүгээр сард уралдаан зарлана. Аравдугаар сар гэхэд манай “Нутгийн шийдэл” ТББ-д олон жорлонгийн тайлан ирэх байх. Олон байгууллага, иргэд биднийг хийж байгаа бүтээлтэйгээ ирж танилцахыг урьдаг. Өтгөн, лагийг шатаах машин бүтээж байгаа инженер биднийг урьсан.

Үертэй газарт “FIMO green”-ий өтгөн, шингэн ялгадсыг тусгай саванд ялгаж хураан авдаг бордоошуулагч жорлон тохиромжтой юм билээ. Жондоо гээд компанийнхан Орост хийдэг жорлонг Монголд үйлдвэрлэж байгаа. Ультрасоник компанийнхан бас хийж байгаа ажлаа танилцуулсан. Бактери үржүүлдэг септик танк хийсэн юм билээ. Атморийнхон бүтээгдэхүүнээ жорлонгоо сайжруулах шаардлагад нийцүүлж, септик танкныхаа үнийг хямдруулсан байна. Гэхдээ шинээр зохион бүтээж байгаа зүйлсийг тэр бүр хүмүүс худалдан авч чадахгүй. Иргэдийн төлбөрийн чадварт нийцүүлж, өнөөдрийн шийдлийг бас санал болгож байгаа. Хүмүүс арван жилийн дараа мөнгөтэй болохоороо жорлонгоо өөрчилнө гэвэл их хохирол амсана. Өнөөдөр тохирох энгийн технологиудыг сурталчилж байгаа. Зөвхөн жорлонгийн тавцан үйлдвэрлэж байгаа компани ч байна. “Био ундарга” компани амьд бактери үйлдвэрлээд, айлуудын жорлонг ариутгаж байна. Улаанбаатар ариутгал компанийнхан хямд үнээр үйлчилгээ үзүүлдэг. Хүмүүс жорлонгоо өөрчлөх гээд тал талд сэтгэж байна.

-Жорлонгоо өөрчлөхөд төрөөс ямар дэмжлэг үзүүлж чадах вэ, жорлонгийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх боломж байдаг уу?

-Дэлхийгээр дүүрэн жорлонгийн хувьсгал өрнөж байна. Жорлонгийн суултуурууд, бордоошуулагч танкууд, энд тэндгүй бүтээгдэж байна. Түүнийг бид шинээр бүтээж, стандартжуулах гээд хугацаа алдаж байхаар олон хүний асуудлыг шийдье гэвэл наад зах нь энэ төрлийн гаалийн татварыг байхгүй болгочих. Бүх өрхийг дэд бүтцэд холбох мөнгө байхгүй. Эхний ээлжинд газар ухахгүйгээр байрлуулж болох маш сайн ажиллагаатай хуурай жорлонгууд аваад ир. Энэ технологийн хуурай жорлонгийн гаалийн татварыг тэглэлээ гэхэд Баянзүрх, Баян-Өлгийн бүх айл ус ордоггүй, сайжруулсан жорлонтой болно. Энэ олон төрлийн жорлонг Монголд нутагшуулаад, иргэдийнхээ хэрэгцээнд таарсан жорлонгоор хангая гэвэл нэгдсэн бодлого шаардлагатай. Ерөнхий сайдын удирдлага зайлшгүй хэрэгтэй. Одоо манай хуулиудад өрөвдөлтэй заалтууд бий. Эмнэлгийн жорлонгийн стандартыг ЭМЯ гаргана. Боловсролын байгууллагын жорлонгийн стандартыг Боловсролын яам гаргана. Аялал жуулчлалын байгууллагуудын жорлонгийн стандартыг Байгаль орчны яам гаргана гэдэг. Ийм байдлаар яаж жорлонгоо өөрчилж дуусах вэ. Айлуудынхаа жорлонг яах юм. Малчдаа яах юм, эзэн байхгүй. Энэ нь нэгтгэж зангидсан ариун цэврийн бодлого байхгүйтэй холбоотой. Улаанбаатарт ирээдүйд учирч болох аюулыг Өмнөд Африкийн Cape Town гэдэг хотоос харж байх учиртай. Энэ хот Улаанбаатартай маш төстэй. Өндөрлөг газарт байрладаг, гүний усаар ундаалдаг. Нуур цөөрөм байхгүй. Cape Town энэ жил усгүй болоод, бүх иргэдээ жорлондоо ус татахыг хориглосон. Усаа картаар олгодог болсон. Бүгд хуурай жорлонд шилжиж байна. Яаж хотоо хурдхан хуурай жорлонгоор хангах асуудал яригдаж байна. Тэгэхэд манайх адилхан усны нөөц нь багасч байгаа ч бүх айлыг орон сууцанд оруулж, ус татдаг жорлонтой болгох бодлого төр нь барьдаг. Өнөөдөр яаж хуурай жорлонд шилжих тухай яривал дээрх хотынхон шиг байдалд орох аюулаас аврагдах юм. Европ даяараа хуурай жорлонд шилжиж байна. Би дэлхийн хуурай жорлонгийн их хуралд явах гэж байгаа. Сарын дараа Финляндад илтгэл тавих юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Польшийн аялагч Марек Каменский цахилгаан машинаар хамгийн хол замыг туулна

Польшийн аялагч, туйл судлаач Марек Каменский байгаль орчинд ээлтэй аялал хийж байгаа тухайгаа сэтгүүлчдэд ярилаа. Тэрбээр хойд, өмнөд туйлд нэг бус удаа очиж судалгаа хийсэн гэнэ. Ингэхдээ явганаар аялажээ. Ирээдүй судалдаг Польшийн хүрээлэнтэй хамтарч ажилладаг юм байна.

Тэрбээр “Гэгээн Иаковын замаар” 4000 км аяласан удаатай. Энэ удаа байгаль дэлхийд ээлтэйгээр “Ул мөр үлдээхгүйгээр” аялаж байна.

Марек КаменскийNissan LEAF маркийн цахилгаан машин хөлөглөжээ. Тэрбээр Польшоос гараад, ОХУ-ын Калининградын хязгаараас Латв, Литв, Монгол, Хятад, Өмнөд Солонгосын нутгаар дайран Япон хүрэхээр зорьжээ.

Философич, аялагч тэрбээр олон ном бичсэнбайна. Цахилгаан машинаар ийм хол замыг туулсан тохиолдол өмнө нь байгаагүй гэлээ. Цахилгаан машинаар аялахад асуудал байхгүй,цахилгаан хямд, зочид буудалдаа тогонд залгаад цэнэглэж болдог юм байна.Олон хэлээр ярьдаг учраас хүмүүстэй ойлголцоод явдаг.Цахилгаан машинаар байгальд ээлтэй аялал хийж болно гэдгийг хүмүүст харуулахыг зорьсон гэв. Дараагийн аялалдаа гарахаар яарч буй түүндхэдэн асуулт тавьж амжлаа.

-Машинаа цэнэглэхэд бэрхшээл учирч байна уу?

-Цахилгаанаар цэнэглэдэг машиныг хурдан цэнэглэх станцууд байдаг. Ийм цэгүүдэд 30 минутаас нэг цаг цэнэглэдэг. Нэг удаа цэнэглээд 300 км газар явдаг. Бүрэн цэнэглэхийн тулд 12-15 цаг цэнэглэх шаардлагатай. Цахилгаанмашин цэнэглэх газрыг хүмүүсээс асуудаг. Улаанбаатарт өнгөрсөн шөнө орж ирэхэд 20 км явах цэнэг үлдсэн байлаа. ШТС-д очоод хүмүүсээс асуусан. Аз болоход шатахуун түгээх станцад цахилгаанаар цэнэглэх боломжтой байсан. Нэг цаг цэнэглээд зочид буудал хүрээд, зочид буудалдаа үргэлжлүүлэн цэнэглэсэн. Өнөөдөр би Хятадыг чиглээд 600 км явахаар төлөвлөсөн. Хоёр хоногийн дараа хил дээр очих байх гэж бодож байна. Монголд цахилгаанаар машинаа цэнэглэхэд надаас төлбөр аваагүй гэдгийг хэлье. Ер нь 10 000 км газарт ямар ч мөнгө төлөхгүйгээр машинаа цэнэглээд явсан.

-Цахилгаанмашин хүйтэнд хэр тэсэх бол. Та туйл судлаач гэсэн. Хэзээ нэг цагт цахилгаан машинаар хойд туйлд аялах талаар бодож үзсэн үү?

– Надад тийм төлөвлөгөө бий. Би өвөл хамгийн хүйтэн газраар урт аялал хийхээр бодож байгаа. Ирэх оны хоёрдугаар сардВладивостокоосСанкт Петербург хүртэл аялах санаатай байна. Хоёрдугаар сард энэ нутагт -40 хэм хүрч хүйтэрдэг. Ийм аялал хийх боломжтой.

-Өөрийнхөө тухай танилцуулаач?

-Би уг нь философич мэргэжилтэй хүн. Бараг мянгаад аялал хийсэн. Олон ном бичсэн. Маш олонтехник, технологийн болон байгаль орчинд ээлтэй хандах төсөлтэй хамтарч ажилладаг.

-Анхны аялалаа хэзээ хийж байв?

-14 настай байхдаа нэг аялал хийсэн. Анх Польшоос Дани руу ганцаараа аяласан. 15 насандаа Африк руу мөн ганцаараа аяласан. Хамгийн гол нь хойд, өмнөд туйлд явган аяласан анхны аялагч. Энэ аялалдаа гар, хөлгүй залууг дагуулж явсан. Тэр хөгжлийн бэрхшээлтэй чтуйлд очсон анхны аялагч болсон.

-Цахилгаан машинаар аялахад цахилгаангүй болчих вий гэсэн айдас байдаг уу?

-Тэгэлгүй яахав айдас байдаг. Энэ нь жаахан дарамт болдог. Тийм учраас бүхнийг нарийн сайтар төлөвлөх ёстой болдог.

-Яагаад ганцаараа аялаж байгаа вэ?

-Хоёр хүн болохоор жин нь нэмэгдээд, хурд саардаг учраас ганцаараа аялаж байгаа.

-Таны гэр бүлийнхэн таны аялалыг яаж хүлээж авдаг вэ?

-Гэр бүлийнхэн маань байнга аялахадзаримдаа тийм ч дуртай биш. Хүүхдүүд маань намайг Солонгос хүрэхэд онгоцоор очно. Түүнээс цаашаа Япон хүртэл хамт явах юм.

-Монголын замд аялахад бэрхшээлтэй юм нь юу байв?

-Монголын замын хамгийн том асуудал нь нүх. Нүхнээс бусдад нь сэтгэл хангалуун байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүхбаатар: Бүх дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох хэрэгтэй

Гэрэл зургийг Г. БАЗАРРАГЧАА

Боловсролын салбарын шинэчлэлийн бүх төсөлд оролцсон боловсрол судлаач, доктор, профессор Ж. Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр Санхүү эдийн засгийн их сургуулийн эрдэм судлал, хамтын ажиллагаа, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирлын алба хашдаг. Ж.Сүхбаатар Москвад дээд боловсрол эзэмшиж, Голландад мастер хийж, Америкт боловсролын ухааны доктор хамгаалжээ.


-XXI зууны ур чадварыг дунд сургуулиудад хэрхэн нэвтрүүлж байгаа талаар Азийн арван орныг хамруулсан судалгаанд таныг оролцсон гэж сонслоо?

-XXI зууны ур чадвар гэж нэрлэгддэг бас танин мэдэхүйн бус ур чадвар ч гэдэг. Тэр нь бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар (багаар ажиллах, өөрийгөө бичгээр болон үгээр илэрхийлэх), хүн хоорондын харилцаа, сахилга бат, шударга зан чанар, зохион байгуулалт, бие дааж ажиллах чадвар гэх мэт хувь хүний чадвартай холбоотой ойлголтууд байна. Үүнээс гадна даяаршлын нийгэмд хүн төрөлхтний шашин, үзэл бодлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ялгаварлахгүй харилцах, мэдээлэл харилцааны технологийг ашиглаж сурах гэх мэт чадварууд бий болгох нь албан ёсоор сургалтын хөтөлбөрт ордоггүй ч XXI зуунд амьдарч байгаа хүн болгонд хэрэгтэй гэж тооцогддог. Үүнийг боловсролын бодлого практикт хэрхэн, яаж нэвтүүлж байгааг харахаар Азийн арван орныг хамруулсан судалгааг ЮНЕСКО-гоос хийсэн. Арван орныг төлөөлсөн экспертүүд тухайн орныхоо дунд сургуулийн багш нараас судалгаа авч, боловсролын бодлогын баримт бичгийг судлан, энэ талаар ямар ахиц дэвшил байна, юу хийж, бас хийхгүй байгааг англи хэл дээр гаргасан судалгаа. Би гурван удаа тайлан бичсэн. Экспертүүдийн тайланг ЮНЕСКО нэгтгэж, энэ тал дээр Монгол, Малайз, Сингапур ийм байна гэсэн тайлан гаргасан юм. Энэ бүтээл ЮНЕСКО-гийн вэб сайтад тавигдсан байгаа.

-Бусад оронтой харьцуулахад манайхан энэ чадваруудыг хэр нэвтрүүлж байх юм бэ?

-Манайх боловсролын бодлогын баримт бичиг, хөтөлбөр дээрээ шударга хүн болгож төлөвшүүлнэ, хүүхэд болгоны авьяасыг нээнэ, эх орондоо хайртай, мундаг иргэнийг төлөвшүүлнэ гэж сайхан үгнүүд бичээд байгаа юм. Гэтэл энэ нь боловсролын бодлого, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт нь суугаагүй. Бусад орнууд энэ зан чанарыг ингэж төлөвшүүлье гээд бодлоготой ажиллаад байгаа юм. Энэ талаар заавал хичээл орох ёстой биш л дээ. Гэхдээ багш сурагчийн харилцаанд өөрчлөлт оруулж, хүүхдийг хөгжүүлэх талаар ажиллах учиртай. Одоогийн байдлаар “Зөв монгол хүүхэд“ хөтөлбөрийн хүрээнд олон сургууль дээр сайн эхлэл тавигдсан. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Зөвхөн тоо бодож, цээж бичиг хийх чадвараар нь хүнийг үнэлэх учир дутагдалтай. Яагаад гэхээр эндээс хүний мөн чанар харагдахгүй шүү дээ. Ер нь манай боловсролд уламжлал ёсоор багш төвтэй сургалт зонхилж ирсэн. Хэрвээ хүүхдийн хүсэл сонирхлыг хөгжүүлэхэд анхаарвал багш төвтэй сургалтаас сурагч, оюутан төвтэй сургалт руу шилжих юм.

-Манай багш нарын ур чадвар, хүүхдүүдийн сурлагын үзүүлэлтийг дэлхийн бусад орнуудтай харьцуулбал бид ямар түвшинд яваа бол. Харьцуулах боломж байгаа юу?

-Улс орнуудыг дунд сургуулиудынх нь чанар, амжилтаар нь дүгнэдэг TMSS, PIRL гээд олон улсын шалгалтууд байдаг. Манайхан энд шалгуулдаггүй. Нэг удаа шалгуулахад тааруухан үнэлгээ гарсан гээд түүнээс хойш оруулахаа байсан. Ийм шалгалтуудад орохгүй байгаа учраас чухам хаана явна гэдгээ мэдэх боломжгүй.

-Та боловсрол судлаач. Монголын боловсролын талаар гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл бичдэг. Та гадныханд Монголоо яаж танилцуулдаг вэ, та бүхнээр дамжуулж тэд ямар ойлголттой үлдсэн бол?

-Гадаад, дотоодын эрдэмтэдтэй хамтарсан бүтээлээс маань бусад эрдэмтэд 100 гаруй эшлэл авсан. Миний бодлоор бол Монголын боловсролыг судалж, олон орны эрдэмтдэд танилцуулж байгаа нь манай боловсролын асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулна. Зөвхөн Монголд ч биш, бусад улс орнуудад ч боловсролын асуудал бий. Тэр асуудлуудаа шийдэж байгаа арга замыг авч хэрэглэх боломжтой. Би боловсролын санхүүжилт, засаглалын асуудлаар хэд хэдэн судалгаа хийлээ. Мэдээлэл харилцааны технологи дунд сургуульд хэрхэн нэвтэрч байгаа талаар ч олон судалгаа хийсэн. “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэр үр дүнтэй хэрэгжсэн талаар судалж, олон улсын сэтгүүлд өгүүлэл нийтлүүлсэн. Судалгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг эд. Баримт түшиж асуудлыг шийдэх ёстой. Түүнээс биш нэг дарга, сайд өөрийнхөөрөө дураар шийдэж таарахгүй л дээ.

-Хүүхдэд зориулсан 100 долларын компьютер байвал эцэг эхчүүд сонирхоно доо. Өмнө нь манайд хэрэгжсэн хөтөлбөр ямар үр дүнд хүрсэн бол. Ахиад хэрэгжүүлэх боломжтой болов уу?

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголд 10 мянган ширхэг 100 долларын үнэтэй компьютер оруулж ирж, 2-5 дугаар ангийн сурагчдад өгсөн. Багаасаа компьютер ашиглсан хүүхдүүдийн математик болон унших, бичих чадвар компьютер хэрэглээгүй хүүхдүүдтэй харьцуулахад ямар байгааг бид судалсан юм. Бусад оронд хийгдсэн судалгаатай адилхан дүн гарсан. Математикийн хувьд айхавтар ялгаатай зүйл харагдаагүй. Гэхдээ унших, бичих, сонсох чадвар нь компьютер ашигладаг хүүхдүүдийн хувьд илүү байна гэж гарсан. Бага ангийн сурагчдад зориулж, харьцангуй хямд үнэтэй компьютер үйлдвэрлэж, дэлхий даяар тараадаг төрийн бус, ашгийн бус байгууллага АНУ-д байна. Манай талаас санаачилга гаргаж авъя гэвэл 30-40 мянга, 100 мянган компьютер ч авчрах боломж бий.

-Боловсролын салбарын шинэчлэлийн талаар өнгөрсөн жилүүдэд их яригдлаа. Эргээд харахад шинэчлэл хэр үр дүнтэй явав. Эсвэл засаг солигдохоор шинэчлэл зогсчихдог юм болов уу?

-Монголын сүүлийн үеийн нэг эмгэнэл бол эхэлсэн ажлаа тогтвортой үргэлжлүүлж чадахгүй байх. Засаг солигдлоо, шинэчлэл зогсдог, мартагддаг. Цоо шинээр эхлүүлдэг. Боловсролын бодлогын залгамж холбоо алдагдаад байна. Ялангуяа дээд боловсрол дээр бүх улс орон даяараа ярьж байгаад онцгой арга хэмжээ авах цаг болсон. Төрийн өмчийн, хувийн их сургуулиуд бүгд Улаанбаатарт их хотын амьдралтай холилдоод байгааг цэгцлэх хэрэгтэй. Тусгайлан хөрөнгө гаргаж, их сургуулиудын хотхоныг нийслэлээс гадна байгуулах нь зайлшгүй чухал.

-Тэр нь түгжрэлийг бууруулахаас гадна өөр ямар давуу талтай юм бэ?

-Түгжрэлийг бууруулахаас гадна боловсролын чанар сайжирна. Хүн кампуст тусгайлсан орчин нөхцөлд үр дүнтэй сурдаг. Гадны их сургуулиуд бүгд кампусын зарчмаар ажилладаг. Оюутныг сатааруулж, муу нөлөө үзүүлж байгаа олон хүчин зүйл бий. Үүнээс зайлсхийхийн тулд тусгай кампус байгуулаад, өдөр шөнөгүй тэндээ байвал илүү сайн суралцана.

Хоёрдугаарт, Монголд дээд боловсролыг төрөөс анхаарахгүй байна. Хувь хүний асуудал гэж үзээд санхүүжилт ч өгөхгүй. Оюутан эцэг, эхийнхээ халааснаас мөнгөө төлж сурч байгаа. Олон жилийн турш бид “Боловсрол тэргүүлэх салбар” гэж ярьсан. Тийм бол дээд боловсрол эзэмшиж байгаа иргэддээ төрөөс хангалттай хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх учиртай. Миний бодлоор бүх дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох хэрэгтэй. Гуравдугаарт, төрийн өмчийн их сургуулиудын санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төсвөөс гаргадаг байвал зүгээр.

-Одоо бол төрөөс хэдийг гаргадаг юм бэ?

-Одоо бол их сургуулийн төсвийн 3-4 хувь (халаалт, цахилгаан, цэвэр усны зардал) байдаг. Дээд боловсролын шинэчлэлийг хийхийн тулд их, дээд сургуулиудыг бие даалгаад, зөнд нь орхи. Яагаад гэвэл эд нарт өөрсдийгөө боловсронгуй болгох, сайжруулах механизм нь байгаа юм.

-Та оюутнуудад үндэсний тэтгэлэг өгөх ёстой гэсэн. Ямар хэмжээний мөнгө өгөх ёстой гэж үзэж байна вэ?

– Дээд боловсрол эзэмшиж байгаа бол улс орондоо ихийг хийж бүтээнэ. Тийм учраас дээд боловсрол эзэмшиж байгаа иргэн бүртээ тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Үүнийг Үндэсний тэтгэлэг нэрээр шийдэж болно.

Оюутны 70 мянган төгрөг нэг хэсэг олгож байлаа. Сард 100 мянган төгрөг авбал оюутан ойр зуурынхаа хэрэгцээг хангана. Одоо ийм тэтгэлэг байхгүйгээс мастер, докторт сурч байгаа бүх хүн цаанаа ажилтай. Ажилтай болохоороо хичээлдээ бүрэн төвлөрч чадахгүй. Чанартай эрдэмтэн биш, диплом өвөртөлсөн хүн гарч ирээд байгаа юм. Ахисан түвшний сургалтын хувьд тэтгэлэг нь дор хаяж амьжиргааны баталгаажих түвшинтэй тэнцүү хэмжээтэй байх хэрэгтэй.

-Та Мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсролын төслийн захирлаар ажиллаж байсан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдад тэтгэлэг олгож байсан нь суралцагсдын тоо нэмэгдэхэд нөлөөлсөн үү?

-Тэтгэлэг өгдөг, дээр нь Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжиж байхад Мэргэжлийн боловсролын сургалтад хамрагдаж байгаа оюутны тоо хоёр дахин нэмэгдэж бараг 50 мянгад хүрсэн юм. Одоо эргэж буугаад гучаадхан мянган оюутантай болчихоод байна. Тэтгэлэг нь байхгүй, сургалтыг нь дэмждэг тогтолцоо алга болчихоод байна шүү дээ.

-Бүгд их, дээд сургууль төгсвөл ажилгүй иргэдийн тоо ихэснэ. Мэргэжилтэй ажилчид нь их дээд сургууль төгсөгчдөөс олон байх ёстой гэсэн үзэл бодол байдаг. Үнэхээр тийм үү?

-Улс орнуудад янз бүр байдаг. Хөгжиж байгаа оронд мэргэжилтэй ажиллагсдын тоо нь дээд мэргэжилтэй менежерүүдийн тооноос мэдээж илүү байх ёстой. Манайд бол энэ тоо тав дахин бага байна шүү дээ. Тэгэхээр бид юм бүтээдэггүй цагаан гартнуудыг ихээр бэлтгэж байна.

-Боловсролын засаглалын тухай таны илтгэлийг сонсч байсан. Ямар тохиолдолд сайн засаглалтай гэж үзэх вэ?

-Ер нь хувийн ч бай, төрийн ч бай дээд боловсролын байгууллага эрдмийн эрх чөлөөг эрхэмлэх үүднээс хэнээс ч хараат бус бие даасан байх учиртай. Гэтэл өнөөдөр Монголд төрийн өмчийн сургуулиуд нь төр, Засгийн газраас хамааралтай. Хувийн өмчийн сургуулиуд нь үүсгэн байгуулагчаас хамааралтай байна. Сургалт эрдэм шинжилгээний бүх ажилд энэ хамаарал нь муугаар нөлөөлдөг. Хэрвээ бид энэ хамаарлыг алга болгоод, сургуулиудыг бие даалгавал тэд судалгаагаа хөгжүүлнэ, сургалтаа сайжруулна. Үүнийг хуульчлах учиртай. Хувийн ч бай, төрийн ч бай сургуулиуд нэгдүгээрт, ашгийн төлөө биш байх ёстой. Хоёрдугаарт, Удирдах зөвлөлөөрөө удирдуулдаг. Удирдах зөвлөлөөс томилогдсон захирал нь удирддаг. Удирдах зөвлөлөөс баталсан стратеги, төлөвлөгөөний дагуу хөгждөг байгаасай л гэж хүсч байна.

-Эрдмийн эрх чөлөө гэхээр багш нар нь өөрсдөө сургалтын хөтөлбөр агуулгаа тогтоож, авч явах ёстой гэсэн үг үү?

-Их, дээд сургууль ажил олгогчидтойгоо хамтраад сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулаад, оюутнаа элсүүлж, сургах ёстой. Яам бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх учиртай. Гэтэл үүний оронд өнөөдөр элсэлт төгсөлт, сургалтын процесст хутгалдаад байгаа юм. Ингэхээ л больчих хэрэгтэй шүү дээ. Харин хувийн сургуулиудыг яам ерөөсөө авч хэлэлцэхгүй байна. Зүй нь хувийн сургуулиудад зохих зохицуулалт хийж байх учиртай. Зохицуулалт гэхээр нэгдүгээрт, ашгийн төлөө бус байхыг хуульчлах ёстой.

-Ашгийн төлөө бус гэхээр ерөөсөө ашиг олохгүй байна гэж юу байсан юм бэ гээд эсэргүүцдэг?

-Олсон орлогоо ашиг хувааж, тараах бус сургалтын үйл ажиллагаандаа эргүүлээд зарцуулахыг хэлж байгаа юм.

-Ерээд онд хүмүүс зах зээл гэж юу болохыг мэддэггүй байхад та Зах зээлийн коллежийг удирдаж байсан. Яаж сургалтын хөтөлбөрөө боловсруулж байв. Сүүлд СЭЗИС-ийг олон улсын магадлан итгэмжлэлд оруулах ажлыг та бас удирдсан. Хөгжлийн сонирхолтой түүхэн үеийг богино хугацаанд туулжээ?

-Ерээд оны эхээр Монгол Улс зах зээлд шилжиж байх үед Зах зээлийн коллеж байгуулагдаж, анхны захирлаар нь ажиллан, зах зээлийн эдийн засагт нийцсэн дээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг удирдаж, энэ сургуулийг хөл дээр нь босгох ажил хийсэндээ бахархдаг. Мэдээж ганцаараа биш. Хэлтэй устай, энд тэнд суралцсан туршлагатай хүмүүсийг цуглуулж, анхны хөтөлбөр боловсруулан, бусад орны сургалтын хөтөлбөрийг харж, санаа авч боловсруулж байлаа. Хичээлийн материалиудыг англи хэлнээс орчуулсан. Санхүү эдийн засгийн их сургууль дээр олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэх ажлыг амжилттай удирдсандаа сэтгэл хангалуун байдаг.


Categories
туслах-ангилал

Ц.Тансагмаа: Бичил уурхайчдад мэдээлэл хүргэхээр интернетгүй орчинд ажилладаг гар утасны аппликейшн хийж байгаа

Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн Мэдлэгийн төв, мэдээлэл харилцаа хариуцсан эксперт Ц.Тансагмаа бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсоноор ямар үр дүнд хүрсэн талаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Тэрбээр ийнхүү ярилаа:


Швейцарын хөгжлийн агентлаг нь Латин Америкийн Болив, Перу, Бразилд хэрэгжүүлсэн төслүүдийн туршлагад үндэслэн Монголд “Тогтвортой бичил уурхай” төслийг эхлүүлсэн юм. Швейцарын Холбооны Улсаас иргэд хувиараа ашигт малтмал олборлох эрх зүйн орчныг бүрдүүлж, зохион байгуулалтад оруулах замаар албан ёсны болгох нь орон нутгийн хөгжлийг дэмжих, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж гэж үздэг.Хувиараа ашигт малтмал олборлохыгзохицуулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр 2005 оноос энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

ЗАРИМ ГАЗАР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХҮРТЭЛ АЛТ УХАХААР ЯВДАГ БАЙСАН ҮЕ БИЙ

14 жилийнхугацаанд бид олон ажил хийлээ. Зарим газар төрийн албан хаагчид хүртэл алт ухах гээд явдаг байсан үе бий. Ажлаа хийгээд, заримдаа алт ухдаг хүмүүс ч байсан. Одоо ийм байдал харьцангуй багассан. 2012 онд Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар 13000 гаруй бичилуурхайчин байна гэсэн дүн гарсан. 2016 онд дахин судалгаа хийхэд энэ тоо багасч 9000 гаруй болсон. Албан бусаар бол 60 мянга гаруй хүн ашигт малтмал олборлодог гэдэг. Одоогийн байдлаар 6500 гаруй бичил уурхайчин буюу 10-15 хувийг нь зохион байгуулалтад оруулаад байна. Энэ хүмүүсийг нинжа, ХАМО (Хувиараа ашигт малтмал олборлогч), бичил уурхайчин гэж гурван янзаар нэрлэж байна. Нинжа бол зохион байгуулалтад ороогүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, татвар төлдөггүй, явуулын, хуулиас гадуур ажилладаг, ашигт малтмал олборлоод газрыг нь хаяад явдаг улс. Зарим нь том техниктэй ч байдаг. ХАМО нь хариуцлагатай бичил уурхайчин болох хандлагатай. Гэхдээ зөв мэдээ мэдээлэлгүй хүмүүс. Бичил уурхайчид бол нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдаж, татвараа төлдөг, алтаа Монгол Улсынхаа эрдэнэсийн санд тушаадаг, байгаль орчнынөхөн сэргээлт хийдэг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг хүмүүс.

2010 онд Засгийн газрын тогтоол гарч Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам батлагдан, хууль эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн. Өнгөрсөн жил буюу 2017 онд энэ журам шинэчлэгдсэн юм.

Энэхүү журмаар бичил уурхайчид нэгдэн, нөхөрлөл хоршоо байгуулж, хуулийн этгээд болох бүрэн боломжтой.Тухайн орон нутгийн сумын Засаг дарга тэдэнтэй гэрээ байгуулж, дүгнэлт гаргуулан газраа авна. Уг газарт ашигт малтмалын олборлолтявуулж, буцаагаад нөхөн сэргээлт хийн, орон нутагт хүлээлгэж өгөх зарчимтай. Ийм хариуцлагатай хүмүүсийг бид бичил уурхайчин гэж хэлээд байгаа юм.Сайн туршлагууд цөөнгүй бий. Манай төслийн хувьд ирэх 2019 оны арванхоёрдугаар сард дуусна. 2013 онд Монголын бичил уурхайчдын нэгдсэн Дээвэр холбоо байгуулагдаж, өдгөө 81 төрийн бус байгууллага, 6500 гишүүнтэй ажиллаж байна. Цаашид төсөл дууссан ч тэд энэ ажлыг үргэлжлүүлж авч явна.

Манай төсөл гурван чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт бид хүний эрхэд суурилсан бичил уурхайн бодлого, бичил уурхайчдын үйл ажиллагааг дэмждэг, хоёрт нийлүүлэлтийн сүлжээ, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, гуравдугаарт мэдлэг харилцан солилцоход анхаардаг. Бичил уурхайчдыг хүний эрх, бизнесийн олон сургалтанд хамруулдаг. Хууль эрх зүйн мэдлэгтэй болоход нь тусалж дэмждэг.

ДАРХАН, БАЯНХОНГОРТ АЛТ ТУШААХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЧИЛГЭЭ БАЙГУУЛЖ БАЙНА

Олборлосон алтаа зөв зарчмаар Монголбанкинд тушаах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Одоогийн байдлаар манай бичил уурхайчид алт олборлоод түүнийгээ орон нутагт ченжид бага мөнгөөр тушаадаг. Гэтэл Монголбанкинд алтаа тушаавал Лондонгийн биржийн ханшаар авдаг.Гэхдээ бичил уурхайчид алт олборлоод, орон нутгаасаа хот руу тээвэрлэхэд хугацаа алдана. Монголбанкинд тушаахаар явахад аюулгүй байдлын хувьд эрсдэлтэй байдаг. Монголбанк зөвхөн сорьцлуулсан алтыг хүлээж авдаг. Тийм учраас энэ жил бид Монголбанк, Стандарт хэмжилзүйн газрын харьяа Үнэт металлын сорьцын газартай хамтран Дархан, Баянхонгор аймагт нэг цэгийн үйлчилгээ байгуулж байна. Иймээс бичил уурхайчид тэнд алтаа шууд тушаах боломжтой.

Манай төсөл Монголд анх удаа мөнгөн усгүй технологийг нэвтрүүлсэн. Мөнгөн усгүй хүдэр баяжуулахцехүүдийг гурван газар байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Одоо Өмнөговь аймагт шинээр байгуулагдаж байна. Өнгөрсөн жил бичил уурхайн хууль эрх зүйн асуудалд түлхүү анхаарсан. Бичил уурхайчдад байгаль орчны нөхөн сэргээх аргачлал болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм батлуулахад дэмжлэг үзүүлж ажилласан.Бичил уурхайн салбарт хууль эрх зүйн орчин бүрдлээ.

ГАРАЛ ҮҮСЛИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ АЛТЫГ АВДАГ БОЛНО

Саяхан бид УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан Латин, Америкийн Колумб, Эквадорт туршлага судлаад ирлээ. Колумб, Эквадорт бичил уурхайчид яаж ажилладаг, алтаа хэрхэн цэвэршүүлж тушаадаг талаар танилцсан . Монгол Улс алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах гэж байгаа. Одоогоор Монголбанкалтаа Швейцард цэвэршүүлдэг. Тэндээсээ алтаа Лондонгийн бирж дээр зардаг. 2021 оноос Европод хууль хэрэгжиж эхэлнэ түүнээс хойш гарал үүслийн гэрчилгээтэй алтыг авдаг болно.Энэ хаанаас ирсэн алт вэ гэсэн асуултанд хариулах учиртай болно.Гарал үүсэл маш чухал.Гэмт хэрэгт холбогдоогүй, хүний эрх зөрчөөгүй, хүүхдийн хөдөлмөр мөлжөөгүй, шударгаар олборлосон алт гэдгийг баталгаажуулах учиртай.

БИЧИЛ УУРХАЙЧДЫН МЭДЛЭГИЙН ТӨВ АЖИЛЛАЖ БАЙНА

Манай бичил уурхайчид мэдээ мэдээллээс хол байдаг учраас Бичил уурхайчдын мэдлэгийн төв гэдэг цахим платформыг ажиллуулж байна. Бичил уурхайчдад хэрэгтэй эрх зүйн асуудал, нийлүүлэлтийн сүлжээний тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, нөхөн сэргээлт, сайн туршлага гээд олон асуудлуудад хариулт өгнө. Энэхүү цахим платформд аль аймагт хэчнээн бичил уурхайчин байна, хэдэн га газрыг нөхөн сэргээсэн, хэдэн газар дүгнэлт гарсан гэх мэдээлэл бий. Байгууллага болгон бичил уурхайн талаар мэдээлэл оруулах боломжтой. Бид орон нутгийнханд мэдээллээ хэрхэн оруулах талаар хичээл зааж байгаа.Одоогоор бичил уурхай байхгүй орон нутаг бол Хөвсгөл, Дорнод аймгууд юм.

Бичил уурхайн аль ч олборлолтын газар хүүхэд ажиллуулахыг хориглодог. Журмаараа ашигт малтмалын олборлолт хийж байгаа газраас зайдуу суурьшлын талбай байрлах учиртай. Тэнд бичил уурхайчид амьдарч, үр хүүхдүүдээ байлгадаг. Бид саяхан Хэнтийн аймгийн сайн туршлагатай танилцаад ирлээ. Тэнд Норовлин сум бичил уурхайн “Норовлин хамтын хүч” ТББ-д зуны турш гэр цэцэрлэг байгуулж, сумаас нь хоёр багш, хоёр гэр цэцэрлэгийг санхүүжүүлж байх жишээтэй.

Бид бичил уурхайчдыг чадавхжуулах сургалтууд их хийсэн. Мөн тэднийг хоёрдогч орлогын эх үүсвэртэй болгоход дэмжлэг үзүүлж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд үсчин, гоо сайханч, гагнуурчин, мужаан зэрэг мэргэжлүүдийг эзэмшүүлсэн. Одоо зарим нь дугуй, машин засаж, оёдол эрхэлж, ногоо тарьж байна.

ГУЧИН БИЧИЛ УУРХАЙЧИНГ ХҮНИЙ ЭРХИЙН СУРГАГЧ БАГШААР БЭЛТГЭСЭН

Энэ жил Хүний эрхийн үндэсний комиссоос 30 бичил уурхайчинг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн.

Өмнө нь алт олборлож байгаа орчин гэмт хэргийн үүр уурхай мэтээр хүмүүс ойлгодог байсан бол одоо тэд хууль дүрмээ мэддэг, эрхээ мэддэг болсон. Норовлин сумын бичил уурхайчдын кэмпэд архинаас хамааралтай тав, зургаан хүнийгархинаас гаргаж, архигүй орчин бий болгосон байв. Биднийг очиходайж цочиж, хамгаалалтынханд, хөөгдөж явсан үеэ бичил уурхайчид дурсаж, одоо улирлын чанартай олборлолт явдаг учраас зарим бичил уурхайчиддугуй засвар, хүнсний дэлгүүр ажиллуулдаг талаар ярьж байсан.

2012 оноос эхлэн Хүний эрхийн үндэсний комисс, Швейцарын хөгжлийн агентлагийн“Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран ажиллаж байна. Уул уурхайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах, бичил уурхайчдад хүний эрх, жендерийн талаар ойлголт мэдлэг өгөхөд ХЭҮК тусалж дэмжин ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Уранчимэг: Үзэсгэлэнгийн дараа тухайн үеийн санал хүсэлтийн дэвтэрт “Эднийг шоронд хорих хэрэгтэй” гэж бичиж байлаа

Монголын уран зургийн галерейд бямба гаригт “Эхлэл” үзэсгэлэн нээлтээ хийв. Монголын контемпорари урлагийн “Эхлэл”-ийг харуулсан уг үзэсгэлэнгийн куратораар Ардын зураач Н.Цүлтэмийн бага охин, урлаг судлалын ухааны доктор М.Уранчимэг ажилласан юм. Уг үзэсгэлэн түүний кураторын 25 жилийн ойтой давхацжээ. “Эхлэл” үзэсгэлэнгийн зохион байгуулагчаар ажилласан Ц.Уранчимэгтэй ийнхүү ярилцлаа.


-Та 25 жил үзэсгэлэн зохион байгуулжээ. Монголын уран зургийн галерейд гарч байгаа “Эхлэл” үзэсгэлэнгийн куратороор ажиллалаа. Та бүхэн хүмүүст юу харуулахыг хичээж байна вэ?

-“Эхлэл” үзэсгэлэнгээрээ энэ гайхалтай уран бүтээлчдийн бүтээлийг толилуулъя гэж бодсон маань учиртай. Контемпорари урлаг хүчээ авч байна. Энэ залуус контемпорари гэж нэр томьёо монгол хэлэнд ороогүй байхад 1989 онд энэ урсгалыг эхлүүлж байсан юм. Энэ түүхийг залуус мэдэхгүй байна. Би судлаач хүн учраас энэ мартагдсан түүхийг үзэгчдэд сануулах, танилцуулах хэрэгтэй гэж бодсон юм. Та бидний гучаад жил үзээгүй эдгээр уран бүтээлийг дахин дэлгэн харуулж байгаадаа баяртай байна. Ардчилсан хувьсгал Монголд зөвхөн улс төр эдийн засгийн хүрээнд явсан юм биш. Улс төртэй огт холбоогүй, чөлөөт сэтгэхүй, болон өөрийн үзэл бодлоороо ялгарч, урлагийн талаарх ойлголт (концепци) нь тухайн нийгмийнхээ хүлээсэнд баригдахгүй болсон хэдэн залуу уран бүтээлчид Монголын комтемпорари урлагийн эхлэлийг тавьсан юм. Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-Очир, Б.Гансүх, С.Машбат, С.Баянмөнх, Б.Вандан, З.Өсөхбаяр, М.Хуяг-Очир нар 1989-1990 оны үед “Ногоон морь” гэж анхны нийгэмлэгээс гадна “Тэнгэр”, “Сита арт”, “Эго арт”, “Шинэ урлагийн холбоо” үүсгэн байгуулж, урлагийн шинэ тунхаг зарлаж явсан түүхтэй. Үзэсгэлэнд есөн уран бүтээлч оролцож байгаа. Найман зураач, нэг урлаг судлаач, тус бүр нь нэг нийгэмлэгийг төлөөлөх юм.

Тэдний анхны үзэсгэлэн нь 1989 онд Театрын музейд, дараа нь Уран зургийн галерейд гарсан. Зарим үзэсгэлэнг Соросын сан ивээн тэтгэсэн удаа бий.

Ерээд онд энэ урсгалыг тайлбарлаж олон нийтлэл бичих шаардлага тулгарсан. “Энэ юу юм бэ”, “Энийг яагаад урлаг гэж байгаа юм” гэсэн асуулт их ирдэг. Одоо эргээд харахад контемпорари урлаг Монголд байр сууриа олсон. Хүмүүс ч гайхахаа байж. 2015 оноос л ийм үзэсгэлэн гаргах тухай бодож эхэлсэн. Урлаг гэдэг хүмүүст заавал хүлээн зөвшөөрөгдөх ёстой биш гэдгийг тэд харуулсан юм. Тухайн үедээ “Явц”, “Эрэл” нэртэй үзэсгэлэн гаргаж байлаа. Энэ хүмүүсийн 1989, ерээд оны бүтээлүүдийн тухай сэтгэгдлээ “Санал, хүсэлтийн дэвтэр”-т хүмүүс янз бүрээр илэрхийлсэн байдаг. Зарим нь “Та нар ямар хачин юм хийдэг юм бэ” гэж байхад өөр нэг нь “Эднийг шоронд хорих хэрэгтэй” гэж бичсэн байсан. “Хөөх, ямар сонин юм бэ” гэх байдлаар ч хүлээж авсан. Тэр дэвтрийг “Эхлэл” үзэсгэлэнд тавьж хүмүүст харуулж байгаа.

-Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ?

-Монголын Уран зургийн галерейд 16-нд нээлтээ хийлээ, долоо хоног үргэлжилнэ. Ерээд оноос 25 жилийн турш Монголын урлагийн талаар олон өгүүлэл нийтлүүлсэн. Тэр үеийн “Засгийн газрын мэдээ”, “Үнэн”, “Ням гариг” сонин одоо олдохоо байсан. Тэр нийтлэлүүдээ цуглуулаад, ном болгосон юм. Тухайн үед ямар чиг хандлага нийгэмд байсан нь эндээс мэдрэгдэж байгаа юм. Энэ ном маань бас үзэсгэлэнгийн үеэр гарлаа.

-Монголын уран бүтээлчид дэлхийд хэр хүлээн зөвшөөрөгдөж байна вэ?

-Танигдаж эхэлж байна. Гадаадын нэртэй том үзэсгэлэн, арга хэмжээнд манай уран бүтээлчид оролцож байна. Жишээ нь, Венецийн биеннальд хоёр удаа үзэсгэлэн, “Документа” гэж дэлхийд алдартай орчин үеийн урлагийн арга хэмжээнд манай Ц.Ариунтөгс, Б.Номин нар оролцсон. Солонгост манай үзэсгэлэнгүүд тогтмол гарч байна. Гадаадын хувийн галерейнууд, музейд манай уран бүтээлчдийн бүтээлийг худалдаж авах хандлага байна. Энэ нь зөвхөн тухайн уран бүтээлчид бус Монголд ашигтай. Монгол урлагийг сонирхох нь эндээс эхэлдэг. Нэг уран бүтээлчийн бүтээл музейд очиход “Монгол гэж ямар орон бэ” гэж сонирхоно. Сүүлийн жишээ гэхэд Америкийн Миннесота мужийн том музейд Б.Баатарзоригийн бүтээлийг худалдаж авсан. Тэр музейгээс надад хандаж “Монголын урлагийн тухай ойлголт бидэнд байхгүй байна. Бид Монгол явах хүсэлтэй байна” гэсэн. Нааштай хандлагууд бий. Монголын урлаг гадаадад танигдсан гэж хэлэхэд эрт. Гэхдээ сайхан эхлэл бий.

-Та Америкт амьдарч байгаа гэсэн үү?

-Би Калифорнийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Монгол судлалыг Америкт түгээх нь миний бас нэг том зорилго. Манай сургууль 1935 оноос эхлээд монгол хэл зааж байсан түүхтэй. Монгол хэлний толь бичиг гаргаж байсан. Ерөнхий сайд А.Амарын “Монгол Улсын товч түүх”-ийг Калифорнийн их сургууль 1962 онд хэвлэсэн. Ийм түүхтэй сургууль учраас эргээд Монгол судлалын хөтөлбөрийг нээе гэж хөөцөлдөж, Монгол, Америкийн Засгийн газар дэмжлэг үзүүлж, гурав дахь жилдээ монгол хэл зааж байна. Орчин үеийн ярианы монгол хэл, уйгаржин монгол бичиг, Монголын түүх, соёлын сэдэвтэй хичээлүүдийг бид заадаг. Хоёр багштай. Цаашдаа Монгол судлалын төв байгуулах бодолтой байгаа.

-Та Ардын зураач Н.Цүлтэм гуайн бага охин, зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин нарын дүү. Энэ зураачдын уран бүтээлийг хадгалдаг уу?

-Би өөрийн цуглуулгатай болохыг мөрөөддөг. Гэхдээ бэнчин байхгүй. Боломжоороо цуглуулахыг хичээдэг. Би аль болохоор зураач нарт туслах байдлаар үзэсгэлэнгээ зохион байгуулдаг. Миний үзэсгэлэн дээр ямар ч уран бүтээлч мөнгө төлдөггүй. Менежмэнт, урлаг хоёрыг би салгаж ойлгодог. Уран бүтээлчид үүнийг ойлгож, талархдаг. Өөрсдөө надад бэлэглэсэн бүтээлүүд бий. Бяцхан цуглуулгатай гэж болно. Ц.Мөнхжин ахын том ажил бий. Би гуйж байгаад авсан юм.

-Зураач Ц.Энхжин, Ц.Мөнхжин хоёрыг хүмүүс андуурдаг. Харин ихэр зураачдыг танай гэр бүлийнхэн андуурсан тохиолдол байдаг уу?

-Адилхан юм шиг мөртлөө их өөр л дөө. Дуу хоолой нь адилгүй. Харектер нь тэс ондоо шүү дээ. Нэг нь дуу цөөтэй, нөгөө нь яриа. Ээж, аав хоёр маань их өөр араншинтай хүмүүс. Ц.Мөнхжин ах бид хоёр яриа. Ээжийг дуурайсан. Чанга чанга ярина. Ц.Энхжин ах, эгч, аав бол дуу цөөтэй хүмүүс. Намуухан дуутай. Хүүхдүүд нь багадаа холоос харчихаад “Аав аа” гэж гүйж очоод, цочиж зогтусаад уйлж байсан удаа бий.

-Зураач аавын хүүхдүүд бүгд л багадаа зураг зурж байсан биз. Та зураач болох магадлал байсан уу?

-Зураач болох нөхцөл надад байлаа. Тэр үед урлан гэж байсан биш. Аав гэртээ зургаа зурдаг. Ц.Энхжин ах Германаас ирээд бас гэртээ зураг зурдаг. Би “Яагаад ногоон нүүртэй хүн зурчихав” гэж хардаг байсан. “Урнаа хойшоо, би зургаа зурж байна. Уранхай хувцас байвал бийрээ арчина шүү, хувцсаа битгий хаяарай” гэдэг сэн. Урлагийн талаар хоорондоо нэг их яриад байхгүй мөртлөө ийм уур амьсгал дунд өссөн. Ц.Энхжин ах урлагийн түүх ярьдаг байсан нь нөлөөлсөн байх. Би 15-16-тай байхдаа урлагийн талаар уншиж эхэлсэн. Харин зургийн авьяасгүй. Зургийн хичээл дээр тааруу дүн авдаг, зурах дургүй байлаа. Бичих, хэл сурах дуртай. Англи хэлийг ном уншиж, дуулж сурсан. “Битлз” сонсч дагаж дуулдаг байв. “Инээмсэглэл”-ийн Н.Ганхуяг ах манай бэр эгчийн дүү. Хуягаа ахаас англи хэлний дүрэм асуудаг байсан.

-Н.Цүлтэм гуайд ямар нэг өвөрмөц зуршил байсан уу?

-Аав хөгжимд их дуртай. Анх аав зураач болно гэж бодоо ч үгүй. Бөмбөгөр театр гэж байхад аав баянхуур тоглодог, Л.Цогзолмаа эгч бүжиглэдэг байсан гэдэг. Аав “Цогт тайж” кинонд туслах зураачаар явсан. Л.Гаваа гуай ахлах зураач нь байжээ. Кинотеатрын сандлуудыг дугаарлаж, анх бийр барьсан гэж өөрөө ярьдаг байлаа. Түүнээс хойш зурахаар шийдсэн юм билээ. Зураг зурахдаа хөгжим их сонсдог. С.Гончигсумлаа гуайнх яг манай дээд давхарт байсан. Түүний төгөлдөр хуурын аялгуу манайд сонсогддог. Одоо бодоход их сайхан байж дээ. Аав С.Гончигсумлаа гуайтай дотно. Ц.Энхжин ах ярихдаа “С.Гончигсумлаа гуай хөгжмийн хүн ч модерн урлагийг ойлгодог байсан” гэдэг. Ц.Энхжин ахын бүтээлийг тэр бүр хүн ойлгодоггүй байхад С.Гончигсумлаа гуай их дэмждэг байж л дээ. Унгарт сурч байхад маань аав “Шинэ гоё хөгжим байна уу” гэдэг. Наян хэдэн онд Унгарт байхдаа “Dire straits” гэж английн хамтлагийн дууг аавд өгч байснаа санадаг. Аав дуртай сонссон.

Аав үндсэрхэг үзэлтэй хүн байлаа. Монгол буурай ч урлаг нь хэзээ ч буурай байгаагүй гэдэг аавын санаатай би ч санал нийлдэг. Аав мах голлосон хоолонд дуртай. Шар тос, цагаан идээ их хэрэглэдэг байлаа. Сүүлийн үеийн судалгаагаар ургамалын тос муу, шар тос илүү болох тухай ярьцгааж байна шүү дээ. Аав сар болгон мацаг барьдаг. Мацаг барихдаа цагаан идээ иддэг. Хатуу ааруул, ээзгий хүлхэж явдаг байлаа.

Аав хамгийн сүүлд надад захисан үг нь мартагддаггүй. Тухайн үед аав эмнэлэгт байсан юм. Намайг эргэж очиход “Монгол орныг тэр чигээр нь галерей гэж хэлж болно шүү” гэсэн. Монголд хадны сүг зураг байхгүй газар үгүй. Тэр чигээр нь галерей гэж нэрлэмээр байна. Чи тэрийг л судалбал дундаршгүй далай гэсэн үг. Монголын бас нэг гайхалтай эрдэнэ бол Занабазар. Үнэхээрийн сонгодог бүтээлүүд. Үүнийг судлах хэрэгтэй гэсэн юм. Бараг эцсийн үгээ надад хэлж байж.

Үнэхээр л миний баруунд гаргах гэж байгаа ном маань Занабазарын тухай байна. Би “Монголын хүрээ хийдийн шашны урлаг” гэж ном 2016 онд гаргасан.Тэр ном маань Америкт гарахаар болсонд баяртай яваа.

Занабазарыг уран бүтээлчээс гадна тухайн үеийн улс төрийн золиос болсон гэж үздэг. Тэр үед Далай лам хүчээ аваагүй байхад манай Чингис хааны удмыг Далай ламын шавь болгочихож байсан юм. Тэр бол бидний ч буруу биш Манж, Түвдийн Монголыг эрхшээлдээ авах, алтан ургийн хүмүүсийг шашинтай холбох улс төрийн тоглоом байсан гэж боддог.

-Бурхны шашны урлаг судлаач хүний хувьд өөртөө шинэ нээлт хийсэн үү?

-Сүүлийн үед түвд хэл гадарлаад, ном уншдаг болоод байна. Монголын эрдэмтэй лам нарын Буддын шашныг монгол ухаанаар хүлээж авч, ойлгож байгаа нь гайхалтай санагдсан. Энэ миний хувьд нээлт. Бурхны шашиныг монголчууд өөрийн болгож, бөөгийн шашинтай зохицуулан, байгаль шүтлэгтэйгээ тохируулах ажлыг эрдэмтэн лам нар маань хийж байжээ. Монголын буддизм гэж бид нэрлээд байна.

-Та гадаадад Монголынхоо соёлыг түгээж яваа. Монголд амьдрахсан гэсэн бодол байдаг уу?

-Монголд амьдрах бодол надад байнга байдаг. Би тэгж хичээсэн. Сургуулиа төгсчихөөд Монголдоо ирсэн. МУИС-д багшаар орсон. Хоёр жилийн дараа байх аргагүй болоод нөхцөл байдал нь тохирохгүй явсан. Америкт амаргүй. Би бол Монгол Улсын иргэн. Ямар ч тохиолдолд иргэншлээ солихгүй. Үүнийг нөхөр ч дэмждэг. Хүү маань ч Монгол Улсын иргэн. Би Монголын урлаг судалдаг эрдэмтэн. Хаана амьдрах нь чухал биш гэж өөртөө хэлдэг. Монголын урлагийн тухай миний бичиж, бодож байгаа зүйлс хүнд хүрч байгаа цагт учир нь олдоно л гэж найддаг.