Categories
мэдээ цаг-үе

М.Үүрийнтуяа: Зөнөгрөх өвчин наснаас шалтгаалахгүй, заавал өндөр настай хүнд тусдаг биш

“Эпимон” эмнэлгийн ерөнхий эмч, анагаах ухааны доктор М.Үүрийнтуяатай ярилцлаа.


-Насжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор зөнөгрөл, дэмийрэл өвчин дэлхий нийтийн асуудал болсон. Харин танайд ийм өвчтэй хүмүүсийг хүлээж авдаг юм байна. Ийм өвчтэй хүмүүс хэр их ирдэг вэ?

-Зөндөө бий. Зөнөгрөл гэдэг маань зөвхөн наснаас шалтгаалахгүй. Заавал өндөр настай хүнд тусдаг юм биш. Олон удаа харвасан хүмүүс ч ийм байдалд орж болно. Тархины, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдахыг л хэлээд байгаа шүү дээ. Гол шинж нь нойр муудах. Төөрч будилна. Гэртээ байхдаа ч жорлон, гал тогооны өрөөгөө олохоо байчихдаг. Хүүхдүүдээ ч танихаа болино. Яваандаа залгиурын үйл ажиллагаа алдагдана. Хөдөлгөөн хомсдоно. Уян хатан чанар алдагдаад гүйж харайж чадахаа болино. Иймэрхүү шинжүүд ажиглагдвал гэр бүлийнхэн нь анхаарах ёстой. Гэтэл настай хүмүүс унтахаа болиод, заримдаа солиорч, утга авцалдаагүй юм яриад эхлэхээр нь болохоо байлаа гээд эмнэлэгт ханддаг. Хөөрхий даралтны эмээ уугаад, гэртээ суугаад байхаар нь гайгүй гэж боддог. Үүнээс сэргийлэх боломж бий.

-Хэдэн наснаас зөнөгрөл, тэнэгрэл өвчин эхэлж болох вэ?

-Жараас дээш насанд ихэвчлэн тохиолдоно. Гэхдээ хоёр, гурван удаа харвасан хүн ийм байдалд орж болно. Зөнөгрөлийн шинж тэмдэг илрэхээр сэтгэцийн эмгэг үү, мэдрэлийн эмгэг үү гэсэн асуулт гарч ирдэг. Яагаад гэхээр зөнөгрөл эхэлсэн хүн утга авцалдаагүй юм ярьдаг. Хүндрээд ирэхээрээ зарим тохиолдолд нүдэнд нь янз бүрийн юм харагдана. “Гэрт муур гүйгээд байна”, “Намайг хүн авах гээд байна” гэх мэтээр ярьдаг. Нүдэнд нь хий юм харагдаж, чихэнд нь янз бүрийн юм сонсогддог. Цадахаа мэдэхээ болино. Хүүхэд шиг булан тохойд очоод бие засчихна. Энэ бол мэдрэлийн эмгэг. Ийм тохиолдол зөндөө байна. Манайд ирсэн нэг эмэгтэй цонхоороо хамаг хувцсаа гаргаад шидчихсэн байсан. “Тэнгэрийн элч ирж авах гээд байна. Хувцсаа явуул гэсэн” хэмээн ярьсан. Хүнд зэргийн солиоролд орчихсон байлаа. Сар гаруй хугацаанд эмчлээд зүгээр болсон л доо. Манай хөгшин нойргүй байгаад байна гээд сууж болохгүй. Шинж тэмдгийг нь анзаарч байх хэрэгтэй.

-Японд настануудыг өглөө цэцэрлэгт хүргэж байгаа юм шиг машинаар аваад, асаргаа сувилгаа үзүүлээд орой гэрт нь хүргэж өгдөг үйлчилгээ байдаг юм билээ. Танайх бас өдрийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн үү?

-Өндөр хөгжилтэй Солонгос зэрэг улсад хувийн асрамжийн газрууд олон байдаг юм билээ. Одоо бол бид эмнэлгийн статусаар үйлчилж байна. Насаараа хэвтэрт орчихсон өвчтөнүүд олон байна. Тэр хүнийг хүүхдүүд нь асрах гэхээр ажлаа, цалингаа алдах болдог. Насжилт нэмэгдэхийн хэрээр өндөр настануудын нийгмийн асуудалд дэлхий нийтээрээ анхаарч эхэлсэн. Солонгосын асрамжийн газруудтай танилцсан. Уулын аманд байдаг нэг асрамжийн газарт очсон. Тэндээ нас бардаг. Хүүхдүүд нь гэртээ аваачдаггүй. Нас барахын өмнө уулздаг өрөөнүүдтэй, оршуулгын газартай цогцоор нь хөгжүүлсэн юм билээ.

-Та бүхэн зөнөглөсөн, настай, хэвтрийн өвчтэй хүмүүсийг харж асрах үйлчилгээ үзүүлдэг гэсэн. Энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага Монголд ховор байдаг болохоор энэ тухай тодруулаач?

-Манай эмнэлэгт харвалт болон нуруу нугасны гэмтэл, мэдрэлийн бусад өвчний улмаас удаан хугацаагаар хэвтэрт байгаа өвчтөнүүдэд мэдрэлийн сэргээн засах эмчилгээ, эмийн эмчилгээнээс гадна ар гэрээс нь сахиур авахгүйгээр асарч байна. Ийм нөхцөлд гэр бүлийнхэн, хүүхдүүд нь өвчтэй хүндээ санаа зовохгүйгээр ажлаа хийгээд явах боломжтой. Манайх хамгийн багадаа арав хоногоос сарын хугацаатай үйлчилгээ үзүүлж байна. Асаргаа хийх үед тухайн хүний эмчилгээ тасрахгүй учраас эдгэрэлт ч сайн байгаа.

-Цус харвасан хүмүүс гуравдугаар эмнэлэгт очдог. Арав хоног хэвтэж эмчлүүлсний дараа хаана очих вэ гэдэг асуудал тулгардаг юм билээ?

-Харвалтын дараа сайн сэргэвэл тэр хүн дүүргийн эмнэлэгт эмчилгээнд явах боломжтой. Гэтэл хүнд зэрэгтэй, гар хөлний гүнзгий саажилттай хүн бол амбулаториор явж эмчлүүлэх боломжгүй учраас урт хугацаагаар хэвтэн эмчлүүлэх болдог. Хүн тархины харвалтаар өвчлөөд харьяаллын дагуу дүүрэг болон гуравдугаар шатлалын эмнэлэгт биеийн байдлаас шалтгаалаад арав хоногоос сарын хугацаанд хэвтдэг. Үүний дараа хаана очиж мэдрэлийн сэргээн засах эмчилгээг удаан хугацаагаар хийлгэх асуудалтай тулгардаг. Тийм учраас бид харвалтын дараахь урт хугацааны эмчилгээг үргэлжлүүлж хийж байна. Харвалтын сэргээн засах эмчилгээг эхний гурван сарын дотор хугацаа алдахгүй хийх нь үр дүнтэй байдаг. Асаргаа шаардлагатай хэвтрийн хүн заримдаа хоолоо залгиж чадахгүй болчихдог. Тийм хүнд бид тохирсон хоол хийж өгдөг. Шинэ үеийн харвалтын сэргээн засах эмчилгээнд технологи ашиглах болсон. Тухайлбал булчингийн үйл ажиллагааг цахилгаанаар өдөөх, роботын тусламжтайгаар үе мөчний хөдөлгөөнийг давтаж, хөдөлгөөн хийхэд тусалдаг. Робот технологи Монголд хараахан нэвтрээгүй байна. Харин бид виртуал технологи ашигладаг.

Харвалтын сэргээн засах эмчилгээг багаар үзүүлдэг. Сэргээн засалч эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, хоол зүйн эмч, сувилагч, хэл заслын эмч бүгд хамтарч ажилладаг юм.

Харвалтын сэргээн засах эмчилгээний үр дүнд өвчтөнүүдийн 10 хувь нь бараг бүрэн сэргэдэг, 25 хувь нь үйл ажиллагааны бага хэмжээний алдагдалтай, 40 гаруй хувь нь онцгой анхаарал халамж шаарддаг, ноцтой бэрхшээлтэй, 10 хувь нь урт хугацааны халамжинд байж, байнга анхаарал шаарддаг байна. Хөдөлмөр засал гэхээр тухайн хүний урьд нь хийж байсан өдөр тутмын үйл ажиллагааг эргэж хэвшүүлэхийг хэлээд байгаа юм. Жишээ нь, харвасан хүний гар халбага барьж чадахгүй байх нь түгээмэл. Манай сэргээн засах өрөөнд ийм зориулалтын аяга халбага, таваг бий. Хоол идэхдээ асгаж цутгадаг учраас зориулалтын аяга таваг хэрэглэдэг. Хамгийн түрүүнд хооллож, хувцаслаж сургадаг. Дээр нь бид харвасан хүний ар гэрийнхэнд сургалт хийж байгаа. Өвчтэй хүнээ яаж хооллох, хэрхэн зөөвөрлөх гэх мэт асаргаатай холбоотой мэдээллийг өгдөг юм. Харвалтын дараа хамгийн багадаа гурван курс эмчилгээ хийж байна. Зарим харвалтын дараа танин мэдэхүйн алдагдал тохиолддог. Тархины зүүн талын бөмбөлөгт харвалт болвол хүн юмыг ойлгохоо больдог. Хэл ярианы төв гэмтвэл ярьж чадахаа ч байна. Бас юмыг нэрлэж чадахаа байна. Танин мэдэхүйн алдагдалтай хүмүүсийг үнэлээд, оюун ухаан сайжруулах дасгал хийлгэдэг. Харвалтын дараа өвчтөн урьд нь хийж чаддаг байсан зүйлүүдээ хийж чадахаа болиход сэтгэл санааны хямдралд ордог.

Бид эмнэлэгт хэвтэхээр ирсэн хүнд үнэлгээ хийж, цаашдын эмчилгээний төлөвлөгөө гаргаад, хяналтад авдаг.

-Өдрийн үйлчилгээнийхээ тухай мэдээлэл өгнө үү?

-Мэдрэлийн эмгэгтэй хүмүүст өдрийн үйлчилгээ үзүүлдэг юм. Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ хийдэг. Энэ эмчилгээг хамт олон дунд нь бүлэг болгож, бүлгийн сэргээн засах эмчилгээ хийвэл хүмүүс бие биенээсээ туршлагаас суралцдаг. Энэ ингэж сайжирч байна, би ингэх юм байна гээд урам дэмжлэг авдаг ач холбогдолтой. Тухайлбал бид эпилепситэй хүмүүст ийм үйлчилгээ үзүүлдэг. Манайд эпилепсигийн бүлэг хичээллэдэг. Унаж татдаг өвчин бас л манай мэдрэлийн эмгэг л дээ. Тэр бүлэг маань 14 хоногт нэг удаа цуглана. Бид жилийн ажлын төлөвлөгөө гаргаад, урлаг, спорт, соёлын олон арга хэмжээ зохиодог, агаар салхинд гарч, явган аялал хийнэ. Эрүүл мэндийн боловсрол олгох олон нийтийн арга хэмжээ бас хийдэг. Унаж татдаг хүмүүс маань ажилгүй учраас хамт олон байдаггүй. Тиймээс нэг анги бүрдүүлж, хамтдаа нэгнийхээ төрсөн өдөр, шинэ жилийг тэмдэглэдэг. Зааланд тоглодог. Унаж татдаг хүмүүс төрж болохгүй, спортоор хичээллэж болохгүй гэсэн ойлголт байдаг. Ээж, аав нь гудамжинд ухаан алдчихна гэж айгаад хүүхдээ гэрээсээ гаргах дургүй. Тийм учраас бид энэ хүмүүсийг нийгэмшүүлж байгаа юм. Зөвхөн эм уугаад гэртээ байхын оронд ингэж явахад эмчилгээний үр дүн сайжирдаг. Нэг бүлэг болчихоор “Чи эмээ ууж байна уу, яаж байна” гээд бие биедээ анхаарал тавьдаг. Эпилепси ч бай, мэдрэлийн бусад эмгэг ч бай удаан хугацааны эмчилгээ шаарддаг учраас тухайн хүнийг нийгмээс тусгаарлачихдаг. Хамт олонд түшиглэсэн сэргээн засах буюу бүлгээр сэргээн засах нь үр дүнтэй байдаг. Бид эпилепситэй хүмүүсийг үнэ төлбөргүй хяналтад авдаг. Ар гэрийнхэнд нь сургалт хийдэг. Эпилепси нь эмч, өвчтөн, ар гэр гэсэн гурвалсан холбоонд байхгүй бол болдоггүй. Унаж татдаг өвчтэй эмэгтэйд гэр бүл төлөвлөлтийн талаар мэдээлэл өгч, яг жирэмслэх үед эмийг нь багасгадаг. Өндөр тунгаар эм уувал урагт сөргөөр нөлөөлдөг. Таван сарын дараа эмийнх нь тунг ахиад нэмэгдүүлдэг. Унадаг хүн төрж болохгүй, хүнтэй сууж болохгүй, ажил хийж болохгүй гэх мэтээр буруу ойлголтууд байдаг. Унаж татдаг өвчтэй хүмүүсийг сүүлийн үед заавал группт байх шаардлагагүй, таарч тохирсон ажил хийж болно гэж үзэх болсон.

Эпилепси архаг өвчин. Таталтгүй байж чадвал амьдралын чанар сайжирна. Унаж татдаг өвчтэй, дэлхийд алдартай хүмүүс олон байсан. Юлий Цезарь, Александр хаан, Наполеон, Ван Гог зэрэг алдартнууд унадаг өвчтэй байсан. Тийм учраас энэ хүмүүст урам зориг, итгэл өгөх учиртай. Эпилепситэй хүмүүсийг сүүдрээс гаргах нь Дэлхийн Эпилепсигийн холбооны уриа. Манайх эпилепсийн үйлчилгээг цогц үзүүлж байгаа. Үзлэг, тархины болон нойрны бичлэг хийдэг, сэтгэцийн асуудлыг үзнэ. Арван жилээс дээш хэмжээгээр унаж татвал оюун ухаан, ой тогтоолт, анхаарал бууралтад ордог. Тийм учраас байнга эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийдэг. Эпилепситэй хүмүүс олон жил эм ууж байгаа учраас гаж нөлөө илэрдэг. Эмийн гаж нөлөөг хянах шинжилгээг жилд хоёр удаа хийдэг.

Бид өвчин, эм гэж олон жил ярилаа. Өнөөдөр хүн эмнэлэгт хэвтээд хэдэн эм тариа хийлгээд гарах хангалтгүй. Энэ ямар өвчин юм бэ гэдгийг нь ойлгуулах гэж хичээдэг. Өвдөөд ирдэг, эмнэлэг хүлээгээд авдаг, урьдчилан сэргийлэлт алга. Тухайн эмгэгийн талаар өөрт нь сайн ойлгуулах учиртай. Та ийм түвшинд байна. Одоо эмчийн зөвлөгөөг дагахгүй бол ийм хүндрэлд хүрнэ шүү гэдгийг нь хэлдэг. Жишээлбэл, хүн харвалаа гэхэд дахиад харвахгүй байх баталгаа байхгүй. Дараагийн хүндрэл эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн боловсрол олгох учиртай. Тийм учраас бид хэвтэж байгаа хүмүүстээ сургалт хийдэг.

-Урьдчилан сэргийлж ханддаг уу?

-Манайд шинэ жилийн амралтаараа долоо хоног хэвтдэг хүн бий. Жилдээ нэг удаа урьдчилан сэргийлчихээр бүтэн жил сэтгэл зовох юмгүй явдаг. Манайд хандсан хүмүүст эрсдэлийн үнэлгээ хийдэг.

-Дахин харвахгүйн тулд яах ёстой вэ?

-Давтан харвасан үед ихэнхдээ нас барах, мөн тахир дутуу болох магадлал өндөр байдаг. Таван жилийн дотор эмэгтэйчүүдийн 24 хувьд, эрэгтэйчүүдийн 42 хувьд дахин харвалт тохиолдсоныг судлаачид тэмдэглэсэн байна. Хоёрдогч цус харвалтын 80 хувийг урьдчилан сэргийлж болдог. Ингэхийн тулд эхний харвалт үүсгэсэн эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах, тамхи татахгүй байх, цусны даралтыг байнга хянах,цусан дахь холестролыг нэмэгдүүлэхгүй, чихрийн шижин өвчнийг хянах. Диабеттэй өвчтөн эрүүл хүнээс дөрөв дахин илүү харвалт өгөх магадлалтай. Эрүүл хоол хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Сүүлийн судалгаануудаас үзвэл долоо хоногт таваас дээш дасгал хийдэг хүн дахин харвалт өгөх нь бага байдаг. Архи уухгүй байх учиртай. Өдөрт хоёр хундагаас дээш архи уух нь харвалтын эрсдэлийг 50 хувь нэмэгдүүлдэг.


Categories
мэдээ цаг-үе

Д.Наранжаргал: Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна

“Оном” сангийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.


-Америкт ажиллаж, амьдарч байгаа монголчуудын дунд элэгний вирус илрүүлэх, оношилогоо шинжилгээ хийсэн гэсэн. Гадаадад байгаа монголчуудын хувьд вирусийн тархалт хэр их байна вэ?

-Америкийн монголчуудад манайхан илрүүлэг хийсэн, Лос Анжелест хамтардаг байгууллагатай. Тэнд амьдардаг монголчуудыг ерөнхийдөө бүгдийг нь хамруулсан. Вирусийн тархалтын хувьд энд байдаг хүмүүсээс ялгаагүй байдаг. Бид 500-гаад хүнийг илрүүлэг үзлэгт хамруулсан. АНУ-д үзлэг хийж байгаа хамтрагчид маань зөвхөн B, С үзээд зогсохгүй вирус илэрсэн хүмүүст бусад шинжилгээнүүдийг хийлээ. Одоо эмчилгээг нь яаж шийдэх талаар ярилцаж байна.

-Монголд хийгдэж байгаа шинжилгээгээр вирустэй хүмүүсийн хувь өндөр гарсан харагдсан?

-Насны ангилалаас хамаараад жаахан ялгаатай дүн гардаг. В вирусийн эсрэг вакцин хийдэг учраас бага насны хүүхдүүдэд цөөн илэрдэг. 20-иос дээш насныханд С вирус дунджаар 6 хувьтай илэрдэг. 50-иас дээш настай хүмүүсийн 30 орчим хувьд нь С вирусийн халдвартай гардаг. 40-50 хүртэлх насны хүмүүст 20 орчим хувь байдаг.

-Ахимаг насны хүмүүсийн вирусийн халдварын шалтгаан тариур буцалгаж хэрэглэж байсан үетэй холбоотой гэдэг. Тариураас гадна өөр ямар замаар халдвар авдаг вэ?

-В вирусийн халдвартай эхээс халдвар авч болно. Ингэж авсан бол 90 хувь нь архаг халдвар болж үлддэг. Ийм халдвартай хүүхдүүд насанд хүрээд, бэлгийн идэвхтэй насанд очихоороо нэмээд Д вирус авчихдаг. В, Д вирусийн хавсарсан халдвар маш хүнд. Монголчууд 1991 оны долдугаар сараас В вирусийн эсрэг вакцин тарьж эхэлсэн байдаг. Төрж байгаа хүүхэд болгонд 24 цагийн дотор вакцин тарих чухал. Эхэн үедээ төрсөнөөс хойш 48 цагийн дотор вакцин хийдэг тохиолдол ч байжээ. В вирустэй эхээс төрсөн хүүхдэд 48 цагийн дараа вакцин хийвэл үр дүн муутай. Түүнээс болоод одоо 25-28 насны хүмүүсээс бас их халдвар илэрдэг. Бага насны хүүхэд B вирусийн халдвар авчихвал эдгэх магадлал багасна.Төрөхдөө В вирусийн халдвар авчихсан хүүхэд 20 хүрэхдээ л аль хэдийнэ хорин жил өвдчихсөн. 30 хүрээд элэг нь хатуурч эхлэх эрсдэлтэй. Элэг шилжүүлэн суулгуулах гэж байгаа хүмүүс дунд залуу эрчүүд цөөнгүй.

-В вирусийн эсрэг вакцин хийлгэхэд насан туршдаа дархлаа тогтох уу, хэсэг хугацааны дараа дархлаа буурах уу?

-Тайваньчууд энэ талаар судалсан байна лээ. Эхний үед вакцины үйлчилгээ 15 жил үргэлжилдэг гэж үзэж байсан. Тайваньчуудын сүүлийн судалгаагаар вакцины титр өндөр биш хэрнээ вакцин хийлгэсэн хүмүүст дархлааны ой санамж үүсдэг, халдвар авах магадлал насан туршдаа багасдаг гэж үзсэн. Гэхдээ энэ талаар монголчууд судалж үзээгүй.

-Үндэстэн болгоны дархлаа, өвчнийг тэсвэрлэх байдал өөр гэсэн мэдээ харсан?

-Ази хүмүүс энэ вирусүүдээр амархан өвдөж байгаа юм. Европт тэр халдвар аяндаа эдгэчихдэг байхад азиудад бол вирусүүд нь илүү архаг хэлбэрт шилжиж байсан. Вирусийг дарж чадах бидний дархлааны систем арай онцлог байдаг юм уу. Азиудын дунд В, С вирусийн тархалт өндөр. Түүнээсээ шалтгаалж, элэгний хавдар, хатуурал өндөр. Хятдад гэхэд 90 сая хүн В вирусийн халдвартай байна.

-С вирусийн эсрэг вакцин гараагүй л байгаа юу?

-С вирусийн эсрэг вакцин гараагүй. Халдвар авахгүй байх нь чухал. 2013 онд хийсэн судалгаагаар В вирус авч байсан гол шалтгаан шүдний эмчилгээ, мэс засал, хөмсөг шивүүлэх, шивээс хийлгэх гоо сайхны үйлчилгээ байсан. Зарим газар хөмсөг шивдэг зүүгээ сольчихдог ч бэхээ солихгүй, бэхэн дунд нь вирус явж байсан тохиолдол бий.

-Эмнэлэгт жижиг мэс ажилбар хийлгээд гарахдаа халдвар авсан гэж зарим вирустэй хүмүүс ярьдаг?

-Санхүүжилт хүрэлцээгүйгээс болоод халдвар тараах эрсдэлтэй байгаа юм. Вирусийг устгадаг технологиуд гарчихсан. Манай дундаж эмнэлэгт хэрэглэдэг ариутгалын уусмалын хэмжээ гэхэд Германы эмнэлэгтэй харьцуулахад гурав дахин бага байна. Санхүүг нь шийдэж өгвөл шийдчих асуудал.

-Элэгний вирус бэлгийн замаар дамждаг гэдэг?

-В,С аль аль нь бэлгийн замаар дамждаг. Гэхдээ С вирусийн тухайд бэлгийн замаар дамжих нь бага. В вирус нь харин бэлгийн замаар дамжих өндөр магадлалтай. В вирусийн дамжих зам ДОХ-ын вирусээс ялгаагүй гэсэн үг. Манай судалгаагаар В вирус дамжих нь бага байгаа юм. Олон хүн В вирусийн халдвар аваад эдгэчихсэн болохоор дархлаатай болчихсон. В, С вирус их өөр байгаа юм. В вирусийг бага насандаа авах тусам өвчин болоод үлдчихнэ. Харин нас нь ахих тусмаа өвдөөд бүрэн эдгээд дархлаатай болчихно. С вирус нь яг эсрэгээрээ. Багадаа С вирусийн халдвар авсан бол эдгэх магадлал 90 гаруй хувьтай байхад нас нэмэгдэх тусмаа халдвар авбал эдгэхгүй, архаг өвчин болоод үлдчихдэг. Вирус тээж байгаа бол бүгд өвдөнө гэсэн үг биш. Хэдэн насандаа авсан, дархлаа нь тэр үед ямар байсан гэдгээс олон зүйл шалтгаална.

-“Оном сан”-гийн ТУЗ-ийн дарга, “Эрүүл элэг” хөтөлбөрийг санаачлагч, доктор Д.Наранбаатар анх “2020 онд монголчууд элэгний С вирусгүй болно” гээд хэвлэлийн хурал зарлаж байсныг санаж байна. Одоо эхний үр дүн гарсан уу, хэдэн хүн С вирусгүй болсон бэ?

-Анх бид 2014 оны есдүгээр сард энэ тухай зарласан. 2016 онд улсын хөтөлбөр болоод, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөр батлагдахаас өмнө 6000 гаруй хүн эмчилгээнд орчихсон байсан л даа. Бид өнгөрсөн долдугаар сарын 28-нд Дэлхийн гепатитийн өдрөөр дүнгээ гаргаж байхад 35000 хүн эмчилгээнд орсон байгаа юм. В, С-гийн эрт илрүүлэгийн үзлэгт бараг сая хүн хамрагдсан. С вирустэй хүмүүсийн хувьд асуудал гайгүй сайн шийдэгдсэн. Цаана нь бидний судалгаагаар 100 мянга гаруй хүн вирусийн халдвартай байгаа гэсэн үг. Тэднийг илрүүлж эмчлэх том ажил бий. Элэгний хатууралтай байсан хүмүүс С-гээ эмчлүүлж, өвчин нь харьцангуй хөнгөрөөд ажил төрлөө хийгээд явж байна. 2013-2014 онд Хавдар судлалын үндэсний төвд жилдээ ойролцоогоор 1700-гаад хүн элэгний хавдартай гэж оношлогдоод үүнээс жилдээ 300 орчим нь амьд үлддэг байсан бол С вирусийн эмчилгээ, өргөн хүрээтэй ажил хийгээд ирэхээр элэгний хавдартай хүмүүс эрт үедээ оношлогддог болсон. Одоо бол жилдээ 600 орчим хүн хавдартай гэж оношлогддог ч дараагийн жилдээ амьдарч чадаж байгаа. Энэ тоо улам ихсэх учиртай.

-В, С вирус хавсарсан хүмүүс бас их байсан. С нь устчихаар В нь яах вэ?

-В нь хэцүү асуудал болоод байна. Бидний хийсэн судалгаагаар Монголд байгаа В вирусийн халдвартай хүмүүсийн 65 хувь нь давхар Д вирусийн халдвартай байгаа. В, С-гийн давхар халдвартай хүмүүс арай цөөхөн. Гэхдээ В болон Д-гийн халдвартай хүмүүс маш олон байна. Бидний тооцоогоор 200 мянган хүний 65 хувь нь В болон Д-гийн давхар халдвартай байна. Дан В юм уу, С-тэй хүмүүс арай гайгүй. В-г бүрэн эмчилдэггүй ч вирусийн эсрэг эм уугаад байвал өвчнөө дарангуйлаад яваад байж болно. Д вирусийг устгадаг эм байхгүй. Д вирусийн эсрэг нэг тарилга 450 мянган төгрөг байдаг. Түүнийг долоо хоногт нэг удаа 12 сар хийлгэх ёстой. 48 тун хийлгэхээр ийм зардлыг дийлдэг хүн цөөхөн. Тэгж эмчлүүллээ гэхэд 100 хүний 25 нь л эдгэх магадлалтай. Одоо бол манайд Д вирусийг үзэж байна, тоолж байна. Манайх шинжилгээний чадамжаараа дэлхийн бусад улсаас дутахааргүй болсон. Зөвхөн Д вирусийг тоолуулахад 120 мянган төгрөг болдог. Эргээд өвчтөний хэтэвчтэй холбогдож байна.

-Дэлхийн Гепатитийн холбооны ерөнхийлөгч Монголд ирэхдээ “Хэрэв монголчууд С вирусийг устгачихвал дэлхийн олон орны хүмүүст найдвар төрүүлэх болно” гэж байсан. Бид хэр үнэлэгдэж байгаа вэ?

-Манайх мундаг үнэлэгдээд сая долдугаар сарын 28-нд Дэлхийн гепатитын өдрийг ДЭМБ-аас Монголд ирж тэмдэглэж өнгөрүүлсэн. Өндөр түвшний хүмүүс ирсэн. ДЭМБ 2030 он гэхэд элэгний вирусүүдийг устгая гэсэн төлөвлөгөө гаргаад, бүх улсууд нэгдээд ажиллаж байгаа. Энэ зорилтод хүрч чадахаар байгаа цөөхөн улсын нэг нь Монгол. Элэгний асуудлаар ажиллаж байгаа хүмүүс Монголыг маш сайн мэддэг болсон. Өмнөх, одоо хоёр эрс ялгаатай. 2010-2015 оны хооронд улсын хэмжээнд 300 хүн эмчилсэн байдаг. Тэгэхэд 2015-2018 оны хооронд бид 35 мянган хүн эмчлээд байна. С вирусийг устгахад гаргасан амжилтаараа Монгол үнэхээр дэлхийд тэргүүлж байгаа. Төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадсан гэж үнэлэгдсэн.

Одоо бол В, Д вирустэй хүмүүсийн асуудал тулгамдаж байна. Америкт хийсэн үзлэгээр 28-тай залуу элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж гарсан. В, Д-гийн давхар халдвартай залуу байсан. Одоо бас ч Эрүүл мэндийн даатгалаар С, В вирусийг үнэгүй тоолж, эмийг нь хөнгөлж байна. Д вирустэй буюу хамгийн том асуудалтай хэсэг дээр анхаарал дутагдаж байна. Д вирусийн шинжилгээ, эмчилгээг Эрүүл мэндийн даатгалд хамруулахгүй бол энэ хүмүүс чинь л элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болж байна. Тэр тусмаа С вирус дэлхийд тархсан учраас баян орнууд судалгаа хийгээд, эмүүд үйлдвэрлэгдээд явж байна. Дэлхий дээр 20-30 сая хүн В, Д-гийн халдвартай байна. Дандаа ядуу орнуудад энэ халдвар тархсан байна. Монгол хамгийн өндөр халдвартай нь учраас мөнгө хөрөнгө зарж ажиллахгүй байж дэлхийд мундаг болохыг хүлээгээд суувал хүмүүсийн асуудал хүндэрнэ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбасүрэн: Нийгэмдээ таалагдах гэхээсээ мэхлэх гэж оролдох нь их болчихсон юм уу даа

– “ТЭНГЭРИЙН ЦАГ”-Т БИЧСЭН ҮЙЛ ЯВДЛУУД ТЭР ЧИГЭЭРЭЭ КИНО ЗУРАГ ШИГ БУУЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ –

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Саяхан анхны Ерөнхийлөгч П.Очирбатын Тэнгэрийн цаг номын англи хэл дээрх хувилбарын нээлт болсон. Та хоёр нэгэн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг хашиж байсны хувьд номын тухай, тэр үеийн сонин хачин, бас анхны Ерөнхийлөгчийн тухай хуучлах зүйл олон байгаа болов уу гээд зорьж ирлээ?

-“Тэнгэрийн цаг” ном гарсанаас хойш нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Уншигч олон түмэнд өргөн хүрсэн байх гэж бодож байна. Энэ ном Монголын төрт ёс, төрийн түүхийн талаас чухал ач холбогдолтой бүтээл юм. Монгол төр Чингис хаанаас хойш 38 хаадын үе дамжаад, дараа нь нэг богд хаантай, түүний хойно хэдэн дарга нартай байж байгаад, 1990 онд улсынхаа анхны Ерөнхийлөгчийг сонгож, Монгол Улс тусгаар тогтнол бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь сэргээсэн үе эхэлсэн л дээ. “Тэнгэрийн цаг” бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн ажил үйлс, түүх, нүдээр харж, биеэр туулж амссанаа бичсэн ном. “Тэнгэрийн цаг” гэж нэрлэснийг нь зарим хүмүүс гайхдаг л даа. Тэнгэрийн цаг гэдэг нь Монголын гүн ухааны том ойлголт. 1990 он бол Монголын түүхийн огцом эргэлтийн үе байсан. Монголчуудын хувь заяаг шийдэх, амьдралын зохион байгуулалтыг эрс өөрчлөх үе байсан учраас “Тэнгэрийн цаг” гэдэг ойлголтыг хэрэглэсэн нь зөв. Урьд нь 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарлах үед Богд хаан “Тэнгэрийн цаг ирлээ. Монголчууд биеэ даах цаг боллоо” гэж хэлсэн удаатай. Түүнээс хойш наяад жилийн турш монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхээ жинхэнэ утгаар нь олж авахын тулд зүтгэж явсаар ерэн онд энэ үйл хэрэг бүтсэн юм шүү дээ.

Монгол Төрийн тэргүүн гэдэг албан тушаал их учир утгатай. Уг нь Монгол төр анхлан байгуулагдах үеэс эхлээд монголчуудын төрт ёсондоо баримталж ирсэн гол алтан сургаал, зарчим бол Чингис хааны гэрээслэл. Чингис хаан “Би хадаас болж, төрийг бэхлэн сахиж, аргамжаа болж, улсыг барин хатуужсуу” гэж андгайлсан юм. Тэгэхээр Төрийн тэргүүн гэдэг төрөө бэхлэх, төрөө бүтээх, улсаа жолоодох гол үүрэгтэй юм шүү дээ. Энэ үүргийг яаж хэрэгжүүлсэнээс улс орны хувь заяа бас хамаарна. 1990 онд монголчууд анхны Ерөнхийлөгчөө сонгоод, шинэ нийгмийнхээ гарааг эхэлсэн. Энэ цагийн Төрийн тэргүүний үүрэг маш хүнд, хэцүү байв. Тэр үед социалист нийгмийн зохион байгуулалтын орчинд амьдарч байсан улс орон чөлөөт иргэний нийгэм рүү шилжиж эхэлсэн. Энэ үеийн төр, Төрийн тэргүүн ямар байх вэ гэдэг зүгээр нэг хүн дураараа шийдэх асуудал биш. Монголчууд социалист хамтын нөхөрлөлийн орнуудын хүрээлэлд амьдарч байгаад, тэр нь задарч нурсаны дараа Монгол орноо дэлхийн тавцанд шинэ дүрээр гаргах, эрх чөлөөт, ардчилсан Монгол Улс гэж таниулах нь төрийн тэргүүний хариуцаж байсан маш том үүрэг. Ер нь бид Ерөнхийлөгчөө сонгодог болсоноос хойш тав дахь Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Мэдээж үе үеийн Ерөнхийлөгчид цаг цагийнхаа асуудлыг шийдэж л явсан. Гэхдээ П.Очирбат Ерөнхийлөгчийнх шиг ийм зорилтыг өмнөө тавьж шийдэх шаардлага бусад Ерөнхийлөгч нарт мэдээж тохиолдоогүй. Энэ утгаараа Монголын шинэ түүхэн үеийн жолоодогч гэж хэлж болох юм. Түүний үед монголчууд Үндсэн хуулиа өөрчилсөн шүү дээ.

Шинэ Монголыг бүтээх үндэс суурь Үндсэн хуулиараа тавигдсан. Үндсэн хуулийн комиссыг П.Очирбат Ерөнхийлөгч өөрөө толгойлж байв. Ерөнхийлөгчийн ажил одоогийнхоос өөр байсан л даа. Тэр үед нийгмийн тал хэсэг нь хуучин нийгмээ мөрөөдөж, шинэ нийгмийн үзэл санаа зорилтуудыг хүлээж авахад хэцүү үе байсан. 1990 онд шинэ төрийн тогтолцооны эсрэг 13 холбоо тэмцэж байсан юм шүү дээ. Жагсаал цуглаан болохгүй өдөр гэж байгаагүй, элдэв өнгийн хэрүүл зарга дэгдэж, Гандан хийд нь хүртэл дотроо хагарчихсан байлаа. Энэ үед Төрийн тэргүүн үндэснийхээ эв нэгдлийг хамгаалж, хангах үүргийг хэрэгжүүлэх хэрэгтэй болсон. Энэ үүргээ П.Очирбат нэр төртэйгөөр биелүүлж чадсан. Манайхан П.Очирбат Ерөнхийлөгчийг хээгүй Ерөнхийлөгч гэдэг. Хээгүй гэдгийн цаана монгол хүний гүндүүгүй чанар ханхалдаг. Тэр чанараараа олон түмнийхээ итгэлийг хүлээж байсан.

-Хувь хүний зан чанар нь ороо бусгаа цаг үед төрийн тэргүүнээр тодроход нь үүрэг гүйцэтгэсэн болов уу?

-Инженер хүн л дээ. Бага залуугаасаа Шарын голын уурхайд ажиллаж байгаад, олон жил сайдын ажил хийсэн. 1976 онд бид нэг үе Засгийн газрын гишүүн байлаа. Хоёр гол асуудалд “Тэнгэрийн цаг” номондоо хариу өгсөн гэж би боддог. П.Очирбат Ерөнхийлөгч бол туйлширдаггүй. Аливаа юмыг бодит утгаар нь ойлгож хүлээж авдаг. Тэр чанараараа 1989 оны үеэс эхлээд ардчилсан хөдөлгөөн Монголд өрнөж эхлэхэд, ардчилсан үзэл санааг дэмждэг хүмүүсийн талд зогсч, тэднийг ойлгож хандаж байсан учраас шинэ хүчнийхэн П.Очирбат Ерөнхийлөгчид итгэж байсан л даа. Тийм ч учраас 1993 оны сонгууль болоход П.Очирбат Ерөнхийлөгчийг хувьсгалт нам нэр дэвшүүлээгүй байхад ардчилсан хүчнийхэн нэр дэвшүүлж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон шүү дээ. Туйлшрахгүйгээр улс орныхоо эрх ашгийн үүднээс нөхцөл байдлыг үнэлж, зохицуулж чаддаг чанар нь голчлон нөлөөлсөн байх. Мэдээж хувь хүний боловсрол, оюун ухааны чадавх бас чухал шүү дээ.

-Та ч бас шинэ түүхийг бүтээгчдийн нэг шүү дээ. Тэр цаг үед хамт явсан хүний хувьд энэ номыг уншаад яаж хүлээж авч байв?

-Бид бүх үйл явдалд биеэрээ оролцож явлаа. Жагсаал цуглаан, зөвшилцөх, тохиролцох юманд бүгд хамт явсан болохоор “Тэнгэрийн цаг”-т бичсэн үйл явдлууд тэр чигээрээ кино зураг шиг бууж байгаа юм чинь.

-Даваадуулсан юм харагдаж байв уу?

-Үгүй ээ дээ. Цаадах чинь өөрийн биеийг магтаж, түүхийг гуйвуулах хүн биш л дээ. Гэхдээ тэр үеийн нөхцөл байдлаас болоод “Тэнгэрийн цаг”-т хэлээгүй зарим зүйлүүд бий. П.Очирбат Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдсон итгэл хүлээсэн хүн гээд амар тайван суугаагүй. Хувьсгалт намынхан 1991 оны долдугаар сарын 27-нд бүгд хурал хийж, тусгаар тогтнолоос урвасан гээд П.Очирбат Ерөнхийлөгч бид хоёрыг огцруулах, унагах илтгэл бэлдүүлчихсэн байсан юм шүү дээ. Долдугаар сарын 24-нд хувьсгалт намын дарга тэр илтгэлийг надад үзүүлсэн. Би 26-нд бичсэн хүнтэй нь уулзсан чинь “Болохоо байлаа” гээд буцаасан байна лээ. Тэр үед социализмыг нураасан талаар нэг илтгэл тавих, эдийн засгийн бодлого буруу гэж нэг илтгэл тавих, тусгаар тогтнолоос урвасан гэж нэг илтгэл тавихаар зэхсэн байсан. Төрийн эргэлт хийхээр бэлтгэчихсэн байлаа. Тэр мэтийн юмыг П.Очирбат Ерөнхийлөгч номондоо оруулаагүй. Бодвол эмзэглээд, нийгмийнхээ сэтгэхүйг тухайн үедээ бодсон байх л даа. Тийм байх жишээтэй. Ер нь Ерөнхийлөгчийн хувьд Засгийн газар, Бага хурлын үйл ажиллагааг дэмжиж хийсэн зүйл асар их. Аливаа том арга хэмжээн дээр Ерөнхийлөгчийн зүгээс татгалзах, түдгэлзэх зүйл байсныг би л мэдэхгүй юм.

-Тухайн үед Монгол Улс хаашаа явах вэ гээд эрэл хайгуул хийж, гадаадын орнуудаар ч явж үзэж харж байсан гэж та ярьж байсан. Энэ үедээ П.Очирбат гуайтай ярилцаж, санал солилцох үе олон байх даа?

-Хамгийн наад захын асуудал шүү дээ. Социалист дэглэмд байсан Монгол Улс хаашаа явах юм бэ, бид хөрөнгөтний нийгэм рүү орох уу, явж чадах уу гэдэг асуудал байсан. Социализм гэдэг нэг онол номоор нийгмийн сэтгэл зүйг инженерчилсэн нийгэм. Ийм нийгэм эргээд жам ёсны, чөлөөт эдийн засгийн зам руу орж чадах уу гэдэг хэцүү. Манай шинэ Үндсэн хуульд Монгол орон капиталист нийгэмд орно гэж бичээгүй юм шүү дээ. Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулна гэсэн. Энэ бол социализм ч биш, капитализм ч биш. Аль алинд нь байгаа хүн төрөлхтөнд хэрэгтэй, амьдралаа зохион байгуулахад тустай зүйлсийг нөхцөл байдалдаа тохируулан авч хэрэглээд явна гэсэн үг л дээ. Капиталист нийгмийн давуу тал гэвэл чөлөөт өрсөлдөөн, хүний эрх гээд олон зүйл яригдана. Гэтэл 20-30 жилийн дараа эргээд харахад алдаа завхрал зөндөө л гарч байна даа. Ганц Монголд бус дэлхий нийтээрээ хямраад байна. Бид энэ хямрал руу зүтгэж орох ёстой юу? Энэ асуултад хамгийн түрүүнд хариу өгөх хэрэгтэй.

Тэнгэрийн цаг англи хэл дээр хэвлэгдсэн болохоор шилжилтийн нийгмийн үеийн нөхцөл байдлыг монголчууд төдийгүй гадныхан сонирхох боломж бүрджээ?

-Миний бодоход Монгол орны шинэ замын эхэнд төрийн жолоо барьж байсан хүний ном гэдэг судлаачдын хувьд хамгийн үнэтэй баримт. Тэр үед монголчууд юу бодож, юуны төлөө зүтгэж байв гэдэг нь харагдана шүү дээ. Бидний алдаа оноог гадныхан янз бүрээр дүгнэх л байх. Ерээд оны үйл явдлын талаар барууныхны бичсэн зарим номыг би үзсэн л дээ. Профессор цолтой мундаг хүн гээд Монголд ирж байсан улсуудын бичсэн юмыг уншихад “Ээ чааваас даа” гэмээр ч юм тохиолдож л байдаг. Монголчуудыг ийм нүдээр хардаг, ингэж ойлгодог, бас тэгээд өөрсдийгөө эрдэмтэн гээд явдаг юм байна гэж. П.Очирбат Ерөнхийлөгчийн ном бол эдний бичсэн номын дэргэд баримт юм.

-Таны Үүрийн жавар гээд ном байдаг. Бас л шилжилтийн үеийн нөхцөл байдлын тухай өгүүлсэн дурсамжийн ном, том баримт болж үлдсэн?

-Яахав дээ, яахав тэр бол судалгааны материал, бид юу бодож, хийж явсныг л харуулна. Одоо бодоход нийгэм маань нэлээд гажуудалд орлоо. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэсэн чинь олигархи толгойтой, зэрлэг капиталист нийгэм рүү гулсаад орж явна. Бид тэр үед ийм нийгмийг мөрөөдөж байгаагүй. Ийм замаар явъя гээгүй. Сүүлийн 20-30-аад жилийн турш либерал үзлийг хэт туйлшруулж, хагас дутуу ойлгож хэрэглэснээс бид ийм зам руу орж байна л даа.

-Жижиг улсын удирдагч байх хэцүү гэдэг. Та бүхэнд их дарамт ирж байсан байх даа?

-Цэрэндорж гуайн үг л дээ. Гэхдээ хоёр зүйлийг хэлмээр санагддаг юм. Монгол жижиг орон уу гэж. Бидний мэдэх Хүннү гүрэн дараа нь Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан байлаа. Эд Евро Азийн асар уудам орон зайг эзэлсэн том гүрнүүдийн голомт. Монгол орон хэдэн мянган жилийн түүхтэй, хүн төрөлхтний гигантуудыг, аварга гүрнүүдийг төрүүлсэн голомт юм. Энэ голомтыг тойроод нэг талд нь Хятад, нөгөө талд нь Орос гээд гүрэн байна. Хоёулаа монголчуудын бүтээл юм шүү дээ. Хятад хуучин 12 жижиг үндэстэн байсан. Монголчууд нэгтгээд нэг улс болгоод тэрнээс хойш Мин, Чин улс одоо Хятад улс гээд явж байна. Орос жаран хэдэн вант улс байсан. Монголчууд нэгтгэсэн. Монголчууд аварга том гүрний төрийн голомтыг сахиж үлдсэн үндэстний хувьд энэ төрт ёсныхоо уламжлалыг дагаж хүндэлж, үүнийгээ өөрсдөө ойлгож явах нь чухал. Одоо Монголын хоёр талд том гүрнүүд байна. Эдэнтэй харьцахдаа “Бид жижигхэн орон, далайсан газар нь далд ороод, далласан газар нь ил гаръя” гээд явж байх уу? Аль эсвэл Монгол төрт ёсны асар их уламжлалтай, соёлтой орон гээд үнэт зүйлийг авч яваад хоёр хөрш гүрэнтэйгээ эвтэй найртай, зохицоод амьдрах уу гэдэг асуудал бий. П.Очирбат Ерөнхийлөгчөөс өмнө Хятад, Монголын харилцаа зовлонтой байсан шүү дээ. Зөвлөлт, Хятадын хагарлаас болсон зүйл л дээ. П.Очирбат Ерөнхийлөгч урагшаагаа айлчилж, Зян Зэминь даргатай хундага тулгаж, дуулж байгаад харилцаагаа хэвийн хэмжээнд оруулсан.

-Таны үед оросууд крантаа хаасан үе таарсан. Амаргүй байсан биз?

-Хоёр талын юм даа. Нэг тал нь Зөвлөлт гүрэн наяад оны сүүлээр хүнд байдалд ороод, 1990 оны есдүгээр сарын 30 гэхэд Дээд зөвлөл нь гадны аль нэг оронд зээл тусламж үзүүлэхийг Засгийн газартаа бүрэн хориглочихсон. Монголд 17 мянган барилгачидтай барилгын том байгууллагууд ажиллаж байсан. Тэр нь санхүүжилтгүй болоод буцсан. 1989 онд М.С.Горбачёв Владивостокоор дамжин Хятад улсад очихдоо бидэнтэй зөвлөж ярилгүйгээр Монголоос цэргээ гаргана гээд амалчихлаа. 100 гаруй мянган цэрэг гарлаа. Тэр үед Зөвлөлтийнхөнтэй буруу харьцаж байна гэсэн ойлголт монголчуудын дунд байсан.

Нөгөө талаас бид Зөвлөлтийн хараат байдлаас гарч, бие даасан бодлого явуулна гэхээр доминат гүрэн жолоогоо зүгээр тавьчихгүй л дээ. 1990 оны арванхоёрдугаар сарын 26-нд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны маш нууц 79 13 дугаар тогтоол гарч, монголчуудыг боомилох, эдийн засгийн талаар хориг тавьсан шүү дээ. Тэгээд Монголтой хийж байсан бартерийн худалдааг бүрэн хаагаад, гадаад худалдаа үндсэндээ бид хойд талаас нефть авдаг, эндээсээ зэсээ өгдөг түвшинд л үлдсэн. 1990 оны долдугаар сарын 29-нд Монголд сонгууль болоод, долдугаар сарын 31-нд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат гуай Эвслийн Засгийн газар байгуулна гээд зарласан. Наймдугаар сарын 1-нээс эхлээд Зөвлөлт Монголд нийлүүлдэг бензин шатахуунаа шууд 50 хувь хассан шүү дээ. 1991 оны зургадугаар сарын 17-нд НҮБ-ын Төв штабд Монголыг дэмжигч орнуудын бүлэг байгуулах анхны цугларалт болж, 12 орны бүрэлдэхүүнтэй Монголыг дэмжигч орны бүлэг гэж байгуулагдсан юм шүү дээ. Манайхан тэрнийгээ хандивлагч орнууд гэдэг юм.

-Саяхан В.Путины тухай номыг Германы сэтгүүлчийн бичсэнээр уншлаа л даа. Ард түмэн намайг ямар байхыг хүснэ би тийм л байх ёстой гэж Путин хэлсэн юм билээ. Оросуудын олонх юу хүсч байгааг судалгааны дүнгээр тогтоодог. Харин манайхан нийгмийн сэтгэл зүйг яаж мэдэрч байсан бол?

-Бид социализмын халуун нурман дээр үлдсэн шүү дээ. Гадна талд ийм болчихсон нөхцөлд төрийн жолоо барьж байгаа хүмүүс улс үндэстнийхээ явах зам мөрийн зүй тогтлыг харах нь чухал. Бид ямар замаар явах вэ гэвэл сонин. Тэр үеийн хүмүүсийн ихэнх нь социализм маань сайхан, энэ замаараа явах юмсан гэдэг. Гэтэл Зөвлөлтөд социализм нурж, сууриараа хөдөлж байна гэдэг ойлгогдож байсан. Тэр үеийн өмч хувьчлал, үнэ чөлөөлөх зэрэг арга хэмжээнүүд нь нийгмийнхээ голлох сэтгэхүйгээс зөрж хийсэн алхамууд шүү дээ. Төрийн хүний хариуцлага гэдэг улс орныхоо эрх ашгийн төлөө хийх ёстой зүйлээ хийх л ёстой. Түүнээс биш чи гараад “Үнэ чөлөөлөх үү” гэж хүмүүсээс асуувал “Үгүй ээ нөхөр минь, чи надад картаар бараа өгөөд бай” гээд суугаад байна шүү дээ.

-Одоогийн ихэнх улстөрчид нийгэмд таалагдсан шийдэл гаргахыг хичээдэг бол та нар зайлшгүй хийх ёстой арга хэмжээг шүүмжлэл хүлээхээс айхгүйгээр хэрэгжүүлсэн байх нь?

-Нийгэмдээ таалагдах гэхээсээ одоо нийгмээ мэхлэх гэж оролдох нь их болчихсон юм уу даа гэж боддог. Дотроо нэг юм бодож байгаад гаднаа өөр юм ярьдаг. Жишээ нь харийн чононууд хотонд нь орчихоод малыг нь сүйтгэж байхад манайхан чонын сэгийг зулгаагаад, нөгөөдүүлтэйгээ хамт гүйж явна. Ард түмэндээ хачин гоё юмнууд яриад сууж байгаа шүү дээ. Удирдагч хүн улс үндэстний хувь заяаг хариуцаж байгаа хүн. Эмчлэх цагт нь хатуухан эм хэрэглэдэг л байх хэрэгтэй. Тэгэхгүй уйлна даа гэж бодоод, эмийг нь уулгахгүй бол өвчин хүндэрнэ. Хэрэгтэй цагт нь хийх ёстой юмаа хийх л ёстой.

-П.Очирбат гуай та хоёр дунд сургуульд байхаасаа бие биеэ мэддэг байсан гэдэг билүү?

-Арван жилд байхаасаа мэднэ л дээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 31-нд “Пионерийн үнэн” сонинд П.Очирбатын бичсэн шүлэг гарч, би бас тэр үед нөхөдтэйгөө нийлж, цахилгаан трактор хийж, Уран гартны тэмцээнд түрүүлж, сонинд гарч байсан. Тэр үеэсээ л бие биенээ мэднэ л дээ. Арвандөрөвдүгээр сургуулийнхантай бид хааяа тэмцээн хийнэ. Хөгжилтэй л дөө. Тэд хожигдохоороо биднийг барьж аваад гөвшчихнө. Бид хожигдвол тэднийг барьж аваад гөвшчихнө. Яахав хүүхэд байх үеийн юм чинь.

-Та сүүлийн үед юунд санаагаа чилээж, цаг зарцуулж байна даа?

-Яахав дээ, бичиг цаас элдэв өнгийн юмнаасаа нэг их салж чадахгүй. Бичиж байгаа ухаантай. 15 жил бичлээ дээ. Нэг номыг дөрөв дахин бичиж байна. Болж өгөхгүй юм. Энэ жил тэрнийгээ гүйцээж чадах нь уу, үгүй юу. Санаа зовох юм бол Монгол төр маань дорой байдалд орж байна. Үүнд л жаахан санаа зовж сууна. Хааяа ярилцлага өгөхдөө төрийн тэргүүнээ ажлаа хийгээсэй гэх юм. Нөгөөдөхөд маань хүрдэг ч юм уу, бүү мэд. Одоо Монгол төрийн хамгийн хэцүү юм бол гадныхны нөлөөнд орчихлоо. Эдийн засгийн тусгаар тогтнол байхгүй боллоо. Коксжих нүүрс 300 доллар байхад бид Хятадад 50 доллараар өгөөд, баярлаад сууж байна шүү дээ. Хятад авъя гэвэл авна, авахгүй гэвэл авахгүй. Хараат байдалд байна. Айл гэр байлаа, өрхийн тэргүүн амьдралаа хариуцна. Гэтэл өрхийн тэргүүн өглөө босоод ялааны цохиур барьж ийшээ тийшээ хэдэн ногоон ялаатай хөөцөлдчихөөд, би ядарлаа гээд суугаад байвал тэр айл ямар байх вэ. Төрийн тэргүүн төрийн тэргүүн шиг л байх хэрэгтэй. (Санаа алдав).


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Путин-Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй

Герман сэтгүүлч Хүберт Зайпелийн “Путин-Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй” ном жинхэнэ “зэвүүн” бичигджээ. Мань эр “Spiegel” сэтгүүлд бичсэнчлэн “Оросын ерөнхийлөгчтэй урхинд оролгүй, нөлөөнд авталгүйгээр ойр дотно танилцаж чадсан” ажээ. Оросын ерөнхийлөгчийн ажил, амьдралын тухай учраас нэлээд хүнд сэдэвтэй ч сэтгүүлч бичсэн учраас улс төр судлаачдынхыг бодвол хөнгөн, бас эмоци мэдрэгдэж байна лээ. Улстөрчийн дурсамж нэг л өнцгөөс бичигдэх талтай. Харин энэ номын зохиогч нь сэтгүүлч учраас В.Путинээс гадна Д.Медведев зэрэг Путиний хань нөхөд болон олигарх гэгддэг Березовский зэрэг дайснуудтай нь ч уулзсан гэдгээрээ олон талтай юм гээч.

“Ард түмэн намайг ямар байхыг хүснэ, би тийм л байх ёстой” гэж Путин эхний ярилцлагуудынхаа үеэр зохиогчид хэлжээ. Хүн амын олонх юу хүсч байгааг Путин бусад улсын төр, засгийн тэргүүнүүдийн адил судалгааны дүнгээр тодорхойлдог гэнэ. Хэдийгээр зохиогч герман хүн ч өөрийн улсын канцлертаа “хөндий” хандсан санагдав. “Өрнийн улстөрчдөөс Ангела Меркель шиг Путинтэй байнга утсаар ярьдаг хүн байхгүй. Гэхдээ энэ нь нөгөө хүнийхээ ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, мэдэж байгаа гэсэн үг биш. Канцлер өөрөө Путинийг “Өөр ертөнцөд амьдарч байдаг хүн” гэж боддог тухайгаа Барак Обамад дотночилж ярихдаа “Түүнийг бодит байдлыг ухаарч байдаг эсэхийг ч мэдэхгүй юм” гэжээ. Түүний эдгээр үгс маргааш өглөө нь New York Times сонинд нийтлэгдсэн байхыг Меркел харжээ гэх мэтээр “гөвсөн” байна лээ. Германы канцлерын Путиний өмнө оноо алдсан түүх үүгээр дуусахгүй.

“2013 оны зургадугаар сард Санкт Петербургт нэг ийм явдал болжээ. Ангела Меркель болон Германы томоохон пүүс, компанийн төлөөлөгчидтэй Оросын ерөнхийлөгч эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаад, орой нь Германы канцлертай Эрмитажид үзэсгэлэн нээх ёстой байв. “Олзонд ирсэн урлагийн бүтээл” хэмээх эмзэг сэдэвтэй үзэсгэлэн байж. Дайны шувтаргаар Зөвлөлтийн цэргүүд Германаас ЗХУ руу илгээсэн Эберсвальдын алт эрдэнэсийг дэлгэн үзүүлэхээр бэлтгэсэн байжээ. Энэ дашрамд Ангела Меркель үг хэлэх санаатай байгааг канцлерийн хэвлэлийн алба мэдэгджээ. Үндсэн санаа нь тэрхүү алт эрдэнэсийг урьд нь байсан газар буюу Германд буцаах тухай юм. Хоёр тал хэзээнээс энэ талаар маргалдсаар ирсэн байдаг. Харин Оросын талын үндэслэл болох “Энэхүү алт эрдэнэсийн үнэ өртгийг оросууд сая, сая хүнийхээ амиар нэгэнт төлчихсөн” гэдэг санааг Берлин хэзээнээс мэдэх ч няцаасаар ирсэн” хэмээн зохиогч тайлбарлажээ. (Монголоос зөөсөн түүх, соёлын дурсгалт зүйлсийг буцаан авахыг хүсвэл оросууд бас л Халх голд үрэгдсэн цэргүүдийнхээ амиар төлсөн гэх болов уу.сурв) Гэтэл энэ нь 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман улс Орост халдан довтолсон түүхэн өдөртэй давхацжээ. Алт, эрдэнэсийг Германд буцаах ёстой гэсэн үг яриа яг энэ өдөр дуулдсан нь Оросын ерөнхийлөгчийн хувьд айхавтар доромжлол байсан юм” хэмээн зохиолч онцолжээ. Энэ мэтчилэн В.Путин түүхэн учир шалтгааныг ихэд чухалчилдаг нэгэн бололтой. Путин шөнө дундын үед хувийн бяцхан сүмдээ загалмайлан залбирч ахуйд дэргэд нь зогссон хүн нь мань сэтгүүлч. Ерөнхийлөгчийн эх Мария Ивановна нь сүсэгтэй, хүүгээ төрүүлснийхээ дараа нууцаар сүмд аваачиж загалмай зүүлгэсэн байж. “Шашнаар дамжуулан Орост үндэсний ухамсар бий болгоход чиглэсэн улс төрийн туршилт явагдаж байна” гэж зохиолч дүгнэжээ. Путиний найзаар барахгүй лам багш гэгддэг Тихон ламтан мань сэтгүүлчид хувийн болон хувьсгалын харилцааныхаа тухай хуучилсан аж. “Путин бид хоёр бие биенээ дөрлөөд хөтлөөд явдаг юм биш. Тэр ч тэгж явах хүн биш” гэж ламтан тайлбарласан байна. Тэгээд ерөнхийлөгчийг дөрлөдөггүйгээ батлах нэгэн түүх хуучилжээ. Оросын хэвлэлээр Путиний Берлинд хийх айлчлалын талаар мэдээлэхийн хамт Берлиний тухайн үеийн захирагч ижил хүйстэнтэйгээ явалддаг гэдгээ нийтэд зарласан хүн хэмээн “хачирлажээ”. Тихон ламтан хамт зоог барих үеэрээ Берлинд очихдоо тэр хүнтэй гар барихгүй байхыг багшийн ёсоор зөвлөсөн ч шавь нь үгэнд нь ороогүй гэнэ. “Нэгд тэр нь хувийн хэрэг, хоёрт тэр бол Берлинийг төлөөлж байгаа албаны хүн” хэмээн тайлбарлажээ. Хараахан салаагүй байсан гэргий Людмила нь ламтны талд орж, Тихоны шаардлагыг дэмжсэнд Путин хоржоонтойгоор “Хардах явдалгүй дээ, хонгор минь” гэж товч хариулжээ. Энэ бол Путиний гэргийн тухай уг номд дурдсан ганц тохиолдол нь. Оросууд аа гэж…


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Насанбаяр:Сэтгэл хөдлөл бидний ажил, амьдралыг шийддэг

Б.Насанбаярын EQ буюу сэтгэл хөдлөл, өөрийгөө танин мэдэх болон бусдыг ойлгох, харилцах талаар сонирхолтой лекцийг уншигч та бүхэндээ хүргэж байна. Б.Насанбаяр боловсрол судлалын ухааны доктор агаад Боловсролын шинэчлэл-шийдэл” номын зохиогч юм. Тэрбээр энэхүү лекцээ Нью-Йорк таймсын шилдэг номоор шалгарч байсан EQ-гийн талаар хамгийн анхны ном болох зохиолч, сэтгэл судлаач Даниэл Голмэний “Emotional intelligence бүтээлд түшиглэжээ. Уг ном 1995 онд хэвлэгдсэн юм.

EQ нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдрэх ойлгох, хянах, тэдгээрийг ялгаж салгаж, зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг хэлнэ. Хүмүүс хаа хамаагүй хүнд сэтгэл хөдлөлөө нэг их гаргаад байдаггүй. Хамгийн дотнын хүмүүс, эхнэр нөхөртөө сэтгэл хөдлөлөө хяналтгүй илэрхийлдэг ажээ. Хүний сэтгэл хөдлөлийн оргил үе 13-15 секунд үргэлжилдэг. 20 минутын дараа дэвэрсэн сэтгэл хэвэндээ ордог. Хэрэггүй юманд уурлачихав уу даа гээд хяналт нь удаж төдөлгүй эргээд ирдэг. Сэтгэл хөдлөлийг удирддаг тархи түргэн тусламж шиг ажилладаг. Хүн дайрахад өөрийгөө шууд хамгаалдаг. Хэрвээ эхнэр нөхөр зөрчилдвөл 20 минутын завсарлага ав. Завсарлагаа аваад буцаад уулзахаар эрүүл ухаанаар ярилцана. Стэнфордын их сургуулийн эрдэмтний судалгаагаар эмчдээ итгээгүй айдастай байгаа байгаа өвчтөний хагалгаанд хүндрэл гардаг байна. Ийм өвчтөний мэс заслын товыг хойшлуулдаг.

Хүний харилцааны үндсэн хэрэглүүр юу вэ?

Хүмүүс үг хэл яриа дийлэнх хувийг эзэлдэг гэж боддог. Үнэндээ үг хэл 10 хувиар л нөлөөлдөг. Үгээ ямар өнгө, хандлагаар хэлэх, дуу хоолой, биеийн хэлэмж ихийг өгүүлдэг шүү. Эерэг, сөрөг сэтгэл хөдлөл бидний ажил, амьдралыг шийддэг. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар багатай удирдагч уур бухимдлаа яаж зохицуулахаа ч мэддэггүй учраас хамт олны уур амьсгал шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихдог. Харин EQ өндөртэй хүмүүс хамт олноо сэдэлжүүлдэг, шинэ санаа гаргадаг, бусдыг сонсдог, алдааг нь хүлээн зөвшөөрдөг байна.

EQ хөгжихөд хамт олон чухал. Нэг хүн шүүмжлэл хэлэхэд бүгд дайрдаг бол хэн ч юм хэлэхээ больчихдог. Нэг нэгнээ хүндэтгэсэн харилцаатай бол байгууллагын уур амьсгал ч эерэг байдаг. EQ хамт олон дунд, харилцаан дунд бий болдог. Түүнээс биш би л болж байвал бусад нь хамаагүй гээд яваад байж болдоггүй. Хүмүүс дарамтлаад байвал яаж өөрийгөө хамгаалахад л анхаарлаа хандуулдаг. Яаманд, төрд удаан ажилласан хүмүүс ажил хийх гэхээсээ илүү би яаж аятайхан байж байх вэ гэдэгт анхаарал хандуулж байдаг. EQ хөгжүүлэх, сэтгэлээ удирдахын тулд таван чадвар эзэмших учиртай. Өөрийгөө танин мэдэх, удирдах чадвар, өөрийгөө идэвхижүүлэх, бусдыг ойлгох, харилцах чухал.

EQ-г хөгжүүлж болдог. Амжилттай амжилтгүй яваа менежерүүдийг ялгадаг гол хүчин зүйл нь бусдад хайрлагдаж хүндлэгдсэн эсэхээрээ л ялгардаг. Хүнтэй чин сэтгэлээсээ хүн ёсоор харьцдаг байж л ийм амжилтанд хүрнэ. Тухайн байгууллага, хамт олон дунд хүний ёсоор хүндлэгдэж чадахгүй бол элдэв хуйвалдаан зөрчил мөргөлдөөн гаардаг.

Өөрийгөө идэвхижүүлэх нь амьдралын хөшүүрэг. Гадны нөлөө, урамшуулал, шаардагдахгүйгээр өөрийгөө эцсийн зорилгодоо хүртэл жолоодох гэсэн үг. Урам зориг, эерэг хандлага, нь бусдын нөлөөнд авталгүйгээр бие даан өөрийгөө зоригжуулах урагшлуулах чадвартай болгодог. Хүний үндсэн суурь чадвар хөгжихөд зорилготой байх нь чухал. Уян хатан, өөдрөг байдал, тэсвэр хатуужил чухал. Ямар ч нөхцөлд өөрийгөө идэвхижүүлдэг байх хэрэгтэй. Ялангуяа хүүхдийг багаас нь идэвхижүүлэх нь чухал. Өөрийгөө удирдах нь дасан зохицох, эерэг бодол, төлөвлөгөөтэй байж асуудлыг шийдвэрлэдэг байх юм. Бусдыг ойлгох гэдэгт тэвчээр хатуужил, нийцэл орж ирж байгаа юм. Бусадтай харилцахад зөрчлийг зохицуулах чадвар чухал. Үйлдлээ тунгаан боддог хүн л өөрийгөө таньдаг. Өөрийгөө хянах гэдэг нь дарамт, хүнд нөхцөл байдлыг сэтгэлээр уналгүй давах тухай юм. Түүнээс биш хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүнийг өөрийгөө сайн хянадаг гэж ойлгодог нь буруу. Баярлаж гуниглаж байгаа нь мэдэгддэггүй хүмүүс “хаагдмал” ангилалд багтана. Сэтгэл хөдлөлөө гадагшлуулахгүй бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөнө. Ямар ч нөхцөлд тайван байж, саруул ухаанаар ханддаг бол өөрийгөө хянаж байгаа хэрэг. Өөрийгөө хянах гэдэг нь хориглох гэсэн үг биш шүү. Сэтгэл хөдлөл өндөр үедээ шийдвэр гаргах шаардлагагүй.

Хамгийн чухал чадвар анхаарал юм шүү. Бусдыг анхаардаг хүмүүс хүнийг хайрлаж, энэрэх чадвартай байдаг. Анхаарал хандуулах чадвараа сайжруулахад бясалгал чухал. Хүмүүс мөнгөтэй болчихвол, уурлын оргилд гарчихвал тэгчихвэл ингэчихвэл би аз жаргалтай болчихно гэж хий хүлээдэг. Гэтэл өнөөдөр би сэтгүүлчээр ажиллаад, хүмүүст мэдээлэл түгээгээд явж байгаа нь аз жаргал гэх мэтээр өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Би гурван хүүхдийн ээж болоод, хүүхдээ өсгөөд явж байгаа нь аз жаргал юм. Байгаа байдал чинь аз жаргал гэж мэдэрвэл анхаарах, үнэ цэн өгөх чадвар хөгжнө. Анагаахын шинжлэх ухаан тархины эс сэргэдэггүй гэж үздэг. Харин баяр хөөртэй, аз жаргалтай байхад тархины холбоосууд улам хөгжиж байдаг тухай нотолгоонууд бий.

Хүн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадвартай, сэтгэлээ хуваалцдаг хүнтэй байх учиртай. Хэнд юугаа хэлэхээ мэддэг байх ёстой. Ухаалаг эв дүйтэй байх нь бусдын болон өөрийнхөө талаар үзэл бодлоо эвтэйхэн илэрхийлдэг, дипломат зан гаргах үедээ гаргадаг, урнаар дүрслэх чадвар нь харилцааг илүү ойр дотно болгож байдаг.

Хүн хамгийн эхлээд өөрийгөө хайрлах учиртай. Хамгийн их уучилж, боломж олгох ёстой хүн бол та өөрөө юм. Өөртөө сэтгэл хангалуун таатай байж, бусдад өгөөмөр ханддаг.

EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах тестүүд их гардаг болсон байна. Монголд Карьер хөгжлийн төв гэж бий. Ажилдаа амжилт гаргахад EQ 85 хувиар нөлөөлдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Тухайн хүний өөрийгөө удирдах чадвар, үнэ цэнээ мэдрэх мэдрэмж, бусдыг үнэлэх үнэлэмж нь ажилд нь маш их нөлөөлдөг гэсэн үг. Монголын томоохон компаниуд EQ-гийн тестээр шинэ хүнээ оношлож авч эхэлсэн байна.

АНУ-ын хоёр сургуульд хэрэгжүүлсэн жишээ байна лээ. Ангид гучин хүүхэд сууж байлаа гэхэд гучин өөр ертөнц сууж байгаа гэсэн үг. Өглөө аав нь загнаад гаргачихсан, урьд шөнө гэр бүлийн хэн нэгэн нь архидаад, нойр муутай хоносон гээд 30 янзын өөр дүр төрх суудаг. Ийм асуудалтай хүүхдүүдэд хичээлээ хичнээн сайн заагаад, гоё лабораторид хичээл ороод нэмэргүй байна гэж судалгааны дүн гарчээ. Тэгээд тэр сургуулийнхан 10 оноогоор сурагчдынхаа сэтгэл санааны байдлыг үнэлдэг болжээ. Сэтгэл санаа нь сайхан бол сурагч 10 гэсэн тоогоор илэрхийлдэг, муу бол хоёр, гурав гэдэг. Дуу муутай байгаа хүүхэдтэй багш тусгайлан ажиллаад, хэвийн болсны дараа хичээлдээ ордог. Ийм арга хэмжээний дараа хүүхдүүдийн сурлагын амжилт асар сайжирчээ. Нөгөө сургууль нь бэрхшээлтэй асуудлаа нээлттэй хуваалцдаг нэргүй хайрцаг гаргаад, “Би хэцүү байна” гэсэн бол багш нар тэр хүүхэдтэй ажилладаг жишээ байна.

EQ-г нэмэгдүүлэх дөрвөн арга:

-Санаа зовоосон асуудлаа бусдад ярихад хэцүү байгаа бол цаасан дээр бич.

Сэтгэлээр унаад байвал аз жаргалын гормон буурдаг. Сератонин гэдэг бодис хүнийг тайвшруулдаг. Нарны гэрэл энэхүү сератонин ялгарахыг дэмжиж байдаг. Монголчууд ажилгүй ч өөдрөг яваад байдаг нь нарлаг байдагтай холбоотой юм болов уу гэж бодлоо (инээв). Өглөө цайныхаа дээжийг өргөдөг, нар мандахад залбирдаг нь учиртай юм байна.

-Өөрийгөө хүчлэхгүйн тулд үгүй гэдэг үгийг хэлж сур.

-Өдөрт арван удаа “Баярлалаа” гэж хэлэх шалтгаан хай. EQ хөгжүүлэх дадал зуршил болго. Дадал болгохын тулд 136 өдөр давтан хийх учиртай. Үүний дараа 2000 удаа уг үйлдлээ давтаж байж мэргэжлийн болдог.

Нэг компанийн мөнгө олсон нууц гэсэн чинь ганцхан өгүүлбэр байгаа юм. Захирал нь ч бай харуул нь ч бай “Танд би юугаар туслах вэ” гэдэг ганцхан өгүүлбэр хэлдэг. Тэр өгүүлбэр нь ашиг орлого авчирсан тухай ярьсан байдаг.

-Чухал хүмүүстэйгээ илэн далангүй байж, тэднийг сонсох учиртай.

Амьд харилцаа багасах тусам EQ гэдэг юм буурдаг. Сэтгэлээ уудлах цаг гаргаж, бясалгал хийх хэрэгтэй. EQ сэтгэлгээтэй холбоотой. Тогтонги сэтгэлгээтэй юу өсөн хөгжих сэтгэлгээтэй юу гэдэг чухал.

9 настай охин гимнастикийн тэмцээнд оролцоод амжилт үзүүлээгүй. Аав, ээж багш нь ийм тохиолдолд юу хэлдэг вэ?

Таван төрлийн хариулт байна. Эдгээр үгсийг өдөр тутам хүүхдэд хэлээд байхаар ямар сэтгэлгээ тогтох вэ гэдэгт дүгнэлт хийжээ.

Энэ таван хариултын үр дүн юу байв?

Хамгийн сайн нь байсан санаа зоволтгүй гэхээр хүүхэд тухайн үедээ тайвширсан ч цаашдаа дасгал сургуулилт хийх хүсэлгүй болчихдог.

-Ийм тохиолдолд “Медиалаа дээрэмдүүлчихлээ” гэж хэлэх нь өөрийн алдаанд бусдыг буруутгадаг хандлага төлөвшүүлдэг.

“Гимнастик тийм ч чухал биш санаа зоволтгүй” гэвэл өөрийн чадаагүй зүйлд үнэ цэн өгөхөө болиод шууд хаячихдаг болно.

“Дараагийн удаа чадна. Миний охин авьяастай” гэхээр цаашид хичээн зүтгэх хүсэлгүй болгочихдог.

“Харин медаль авахуйц бэлтгэл сургуулилт хийгээгүй байна. Цаашдаа хичээцгээе” гэх нь хамгийн зөв хувилбар ажээ.

“Миний хүү угаасаа ухаантай, сайн” гээд байвал хүүхдэдээ аюултай. Сайн ухаантай учраас алдаа гаргаж болохгүй гээд өөртөө цензур тавьчихдаг. Алдаа гаргахаараа айдаст автдаг. Айдаст автсанаасаа болоод худлаа ярьдаг. Хүүхдийг ахиц, амжилтаар нь үнэлэх учиртай. Эцэг эхчүүд хүүхдэдээ байнга хэлдэг үгс. 100-ны 80 хувь нь унт бос, хичээлээ давт, боль гэдэг. Уужуу байж, хүүхдэдээ боломж олгох хэрэгтэй.

Дараах асуултуудад хоёроос олон удаа үгүй гэж байгаа бол та өөртөө дүгнэлт хийгээрэй.

Дахиад нэг жил энэ ажил дээрээ баймаар байна уу, ажилдаа бүрэн дүүрэн хүчээ дайчилдаг уу?

Таны удирдлага хүчээ дайчлах боломж олгож байна уу?

-Таны өдөр тутмын ажил хэтийн зорилгыг дэмжиж байна уу?

Хоёр удаа үгүй гэж хариулсан бол яагаад гэдгээ бодож үзээрэй.

Бодож үзсэнийхээ дараа шийдвэр гаргаж байх хэрэгтэй гэнэ шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Харааны бэрхшээлтэй жирэмсэн эмэгтэй үзүүлэхээр ороход эмч “Наашаа суу” гэжээ

-ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРХИЙН ТУХАЙ ЯРИЛЦАВ-

“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг эрсдэлтэй жирэмслэлт гэдэг ангилалд автоматаар оруулдаг. Ямар нэг асуудал гарвал тухайн өрхийн эмчийн ажлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг учраас эмч нар аль болох жирэмслүүлэхгүй байлгах гэж толгойгоо ажиллуулдаг. Ийм эмэгтэйчүүдийг жирэмслээд очихоор үр хөндүүлэхийг ятгах, сэтгэл зүйн дарамтанд оруулах нь олонтаа” хэмээн Б.Чулуундолгор ярьж байна.Хүний эрхийн үндэсний комисс, Нээлттэй нийгэм форумтай хамтран сар бүр зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтын үеэр ийм яриа өрнөсөн юм. Энэ удаагийн зочноор “Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд” сэдэвт судалгааг гүйцэтгэгч багийн ахлагч, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны тэргүүн Б.Чулуундолгор, хүний эрхийн активист Б.Энхжаргал нар оролцсон юм.

Б.Чулуундолгор танхимд суугаа хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагынхан, сэтгүүлчдэд хандан яриагаа ийнхүү үргэлжлүүлэв.

“Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд ихэвчлэн зохион байгуулалттай арга хэмжээний үеэр л нөхөн үржихүйн эрүүл мэндийн үзлэгт ордог” гэж судалгааны үеэр ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллагаас кампанит ажил байдлаар эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байж үзлэгт хамрагддаг. Бие дааж урьдчилан сэргийлэх үзлэгт орох боломжгүй. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчид үзүүлэх гэвэл “Ачаалал ихтэй байна, юун чамтай харьцахтай манатай” гэж загнадаг. Утсаар мэдээлэл аваарай гэдэг ч “Үзүүлээгүй байж юун зөвлөгөө авах гээд байгаа юм бэ” гэдэг. Иймэрхүү байдал байнга гардаг гэж яригдсан. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдээс шалтгааныг нь асуухад “Өөрийн хүслээр”, “Биеийн эрүүл мэндийн байдлаас”, “Бусдын дарамт шахалтаас”, “Хүчирхийлэлд өртсөний улмаас жирэмсэлсэн” , “Нөхөр гэр бүлийнхний зөвшөөрөлгүй” гэсэн шалтгаанууд ихээр дурдагдсан. Бусдын дарамт шахалт гэдэгт эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын дарамт шахалт бас багтдаг. “Эрүүл мэндийн шалтгаанааны улмаас” гэдэг хариулт хамгийн олон давтагдсан. Эмч нар “Чи хөгжлийн бэрхшээлтэй учраас чамд ийм ийм эрсдэл гарна, чи жирэмслэлтийн явцыг даахгүй, хүүхдэд болон чамд эрсдэлтэй” гэх мэтээр зөвлөдөг. Түүнчлэн гэр бүлийнхэн, нөхөр зөвшөөрөөгүй учраас жирэмслэлтийг зогсоосон гэсэн хариулт их байсан.

Хүчээр жирэмслэлтийг зогсооход хэн хамгийн их нөлөөлсөн бэ гэсэн асуултанд эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд гэсэн хариу зонхилсон юм.

Ганцаарчилсан ярилцлагын үеэр нэг ээж ярихдаа “Группэд байдаг гэхээр эмч нар жирэмслэх шаардлагагүй гэж үздэг.Хүүхэдолоод эмчид хэлтэл “Чи одоо хүүхэд гаргаж болохгүй ээ” гэсэн. Тэгэхээр нь би нөхөртэйгээ ярилцъя гэж хэлээд зугтааж гараад хувийн эмнэлэгт хяналтанд байж байгаад, Эх нялхаст хүүгээ төрүүлсэн. Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа эмч нар “Чи мундаг байна, хоёр хүүхэд төрүүлчихлээ одоо болно” гээд үрийн сувгийг маань боосон гэх жишээтэй. Бэлгийн хүчирхийлэл, хувийн халдашгүй байдлын талаар ганцаарчилсан ярилцлага хийхэд ярилцсан эмэгтэй болгон хүчирхийлэлд өртсөн байсан. Бэлгийн хүчирхийлэл маш их байна. Мөн тэтгэврийг нь авах гэх мэт эдийн засгийн хүчирхийлэл ч олон. “Ээж миний тэтгэвэрийг аваад 5000 төгрөг л надад өгдөг” гэх мэт хариултууд цөөнгүй гарсан. Бэлгийн хүчирхийлэл ойр дотнын хүмүүсийн зүгээс, аав, ахын найз, хөрш, хойд аав, төрсөн эцгийн зүгээс ч үйлдэгдэж байна. Хэнтий аймгийн оюуны бэрхшээлтэй эмэгтэйг шоронгийн хуягууд шорон руу оруулж “ашиглуулдаг”. Тэрийг бүгд мэддэг хэрнээ арга хэмжээ авдаггүй. Өөр хэсэг хүмүүс тэр охиныг дарамталж мөнгө гуйлгуулдаг. Нутгийнхан охиныг өрөвдөөд мөнгө өгдөг. Өөр нэг бэрхшээлтэй эмэгтэй оройдоо ирээд мөнгийг нь хурааж авдаг юм билээ. “Намайг мөнгө олж ирэхгүй бол тэр эмэгтэй зоддог” гэж охин ярьсан. Тэр охины ар гэрийнхэнд Дэлхийн зөн байгууллагаас хашаа байшин барьж өгсөн. Гэр бүлийнхэн нь тэр охины олсон мөнгөөр л амьдардаг. Гэрээсээ хөөж, мөнгө олж ирэхийг шаарддаг. Хагас бүтэн сайн өдөр болгон тэр охиныг шорон руу оруулдаг гэж ярьж байгаа юм. Энэ охины нөхцөл байдлыг мэдэж байгаа мөртлөө яагаад хууль, шүүхийн байгууллагаар явахгүй байгаа юм бэ гэхээр “Яг дагнаад хөөцөлдөх хүн байхгүй”гэсэн хариу өгсөн. Хүчирхийлэлд өртсөн хүний өмнөөс хууль шүүхийн байгууллагаар дагнаад хариуцаад явах байгууллага Монголд хэрэгтэй юм байна гэдэг нь эндээс харагдсан.

Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хууль, шүүх цагдаад хандах нь бага. Нэгдүгээрт яаж хандахаа мэдэхгүй. Хоёрдугаарт хандлаа гэхэд цагдаа миний үгэнд итгэхгүй гэж боддог. Нэг тийм тохиолдол байсан. Хүчирхийлсэн хүн нь “Чамайг цагдаад хандвал өөрөө хүсээд дагаад явсан гэж хэлнэ, цагдаа миний үгэнд итгэнэ, чамд итгэхгүй” гэсэн. Тэгээд бодож үзсэн. Цагдаа тэр хүний л үгэнд итгэж магадгүй, яагаад гэвэл би хөгжлийн бэрхшээлтэй учраас. Бас би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болж төрчихөөд, дараа нь ийм асуудлаар дахиад ээж, аав хоёрыгоо зовоомооргүй байна. Хэнд ч хэлж чадахгүй нэг жилийг хүнд нөхцөлд өнгөрөөгөөд анх удаа та нарт хэлж байна” гэж нэг нь ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй охидыг 8-12 настай байхад нь хүчирхийлсэн тохиолдлууд гарч байсан хэмээн тайлбарлав.

Судалгааны багийн гишүүн, “Демократи залуусын төв”-ийн Б.Энхжаргал: Хүчирхийлэл хүний амьдралд яаж нөлөөлдөг нь 40-50 настай эмэгтэйчүүдтэй ярилцахад мэдрэгдэж байсан. Өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэхгүй болох, эрэгтэй хүнд итгэхгүй болох, амьдралд итгэхгүй байх. Айхавтар хөгжлийн бэрхшээлгүй мөртлөө “Хэн намайг тоох вэ дээ”гэдэг. Тогтсон амьдралгүй хэрнээ үр хөндөлтийн тоо нь олон тохиолдлууд байсан.

Бие даан амьдрах эрх бас чухал байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад хоёр суурь ойлголт бий. Нэг нь боловсролд тэгш хамрагдах, нөгөө нь бие даан амьдрах эрх. Энэ хоёрыг бий болгохгүйгээр нөхөн үржихүй гээд ярихад хэцүү.Уналт таталттай, хүнд хэлбэрийн бэрхшээлтэй хүмүүс, нөхөн үржихүйн эрх, бэлгийн эрх чөлөө, таашаал гэдэг зүйлийг хэдэн давхар хаалганы цаана хаячихсан байсан. Бие даан амьдрах эрх нь хэн нэгэнтэй дотно харьцаанд орох, гэр бүл зохиоход чухал.Харааны бэршээлтэй эмэгтэй ярьсан. “Нөхөр бид хоёр нэг өрөө байранд ээж, дүүтэйгээ хамт амьдардаг. Бид хоёр бие биедээ хайртай ч дотно харьцаанд тэр бүр ороод байж чадахгүй,нөхөр бид хоёрын харилцаа хөндийрөөд,салах тийшээ хандаж байгаа” гэсэн.

Хууль эрх зүйн зүйн орчноос гадна нийгмийн халамжийн тогтолцоо нь гол зогоох, анхдагч хэрэгцээгээ хангахад л зарцуулагдаж байгаа нь харагдаж байсан л даа. Уг нь бэлгийн эрх гэдэг хүний анхдагчсуурь хэрэгцээний нэг ч энэ эрх хангагдахгүй байхаар дараагийн хөгжлийн тухай ярих боломжгүй байгаа нь харагдсан хэмээн дүгнэлээ.

Б.Чулуундолгор: Эмч, эмнэлэгийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлээс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэгт төвлөрдөг. Нэгэнт хөгжлийн бэрхшээлтэй болсны дараахэрүүл мэндийн үйлчилгээнд төдийлөнанхаардаггүй. Тэргэнцэртэй хүн жирэмсэн болоод очиход ямар үйлчилгээ үзүүлэхээ ч мэддэггүй. Харааны бэрхшээлтэй хүн ороход “Наашаа суу” гэдэг.Анагаахын сургуулийн хөтөлбөрт энэ талаар оруулах хэрэгтэй. Эмч нарыг буруутгахаас илүү анхнаасаа суурь мэдлэг олгоход анхаармаар байна гэсэн юм. Тэдний судалгааны тухай сонсогчид дараа нь асуулт тавьж, саналаа хэлсэн. Хүний эрхийн Үндэсний Комиссын захиалгаар уг судалгааг хийсэн гэнэ.

ХЭҮК-ийн Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл хэлэхдээ: Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарТэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтраад ахисан түвшний судалгаа хийж, үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Судалгаа хараахан эцэслэж гараагүй, тайлан дүгнэлтхийх шатандаа яваа.Энэ судалгаа есдүгээр сардаа багтаад ХҮЭК-д ирнэ гэсэн хүлээлттэй байна. Дараа нь бодлого, хөтөлбөрт нөлөөлөх дараагийн алхамууд хийгдэнэ. Хүний эрхийн үндэсний комисс жил бүр Хүний эрхийн нөхцөл байдлын талаар илтгэл гаргадаг.2019 оны нэгдүгээр улиралд УИХ-д өргөн барих18 дахь илтгэлийн нэг бүлэг нь“Охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон бэлгийн эрхийн асуудал” байна гэж төлөвлөөд, энэ чиглэлээр олон тооны судалгаа хийжбайна. Үүнээс гадна хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуульболон МСҮТ-ийн дотуур байрны асуудлаар, хөдөөгийн туслах малчин өрхүүдэд амьдардаг охид, хүүхдийн асуудал эмзэг байгаа. Энэ талын тодорхоймэдээлэл хараахан байхгүй байна. Дотуур байрны асуудлаар ХҮЭК орон нутгийнхаа ажилтнуудыг дайчлаад мэдээлэл цуглуулах ажил хийж байгаа ч яг одооэнэ хүмүүсийн гаргаж ирж байгаа шиг амьдралын бодит нарийн жишээ гарч ирэхгүй албан ёсны статистик мэдээнээс илүү гарч чадахгүй, амьдралынхаа гүнд орж чадахгүй байгаа. Хүний эрхийн төрийн бус байгууллагууд тодорхой сэдвээр бидэнтэй хамтарч илүү нарийвчилсан мэдээлэл гаргаж ирвэл цаашдаа санал зөвлөмж, шийдлүүд нь оновчтой гарах болов уу гэсэн юм.

Танилцуулгын дараа сэтгүүлчид Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгорт хандаж энэ талаар тодрууллаа.


-Судалгаанд хэр олон хүнийг хамруулав, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хэд байдаг вэ?

-300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйг судалгаанд хамруулсан. Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул болон Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүд хамрагдсан.Хүний эрхийн үндэсний комиссийн захиалгаар “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрх” сэдэвт судалгаа хийлээ. 43000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал нь юу вэ?

-Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ авахад үйлчилгээ нь хүртээмжгүй. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд өөрсдөө нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэггүй. Хууль, эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Гэр бүлийн гишүүдийн нөлөөлөл өндөр байна гэж ажиглагдсан. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал ярихаар бэлгийн эрхийн тухай ярих болдог.Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэдхууль,эрх зүйн орчынг боловсронгуй болгох, эмч эмнэлэгийн ажилтнууд бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс авахуулаад өөрчлөлт хийххэрэгтэй байна. Эмч, эмнэлэгийн ажилтнууддаа хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх учиртай.Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдээ эрхээ мэддэг болгох гэх мэт олон асуудал бий. Бэлгийн замаар дамжин халдварлах өвчин, ДОХ, сүрьеэ зэрэг өвчний талаарх мэдээллүүд хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжгүй байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн агентлаг байгуулагдсан. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хэр оролцоотой байгаа вэ?

-Агентлаг байгуулагдаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоо байна гэж харж байгаа. Ерөнхий сайд хэлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг өөрсдийг нь энэ байгууллагадтүлхүү ажиллуулаарай гэсэн чиглэл өгч байсан. Яг одоогоор надад мэдээлэл алга байна.

-Зөвхөн асуудлаа яриад байна, гарц шийдэл байгаа юу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх оролцоо хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, конвенциудад нөхөн үржихүй бэлгийн эрхийг дэмжсэн заалтууд орсон юм билээ. Одоо Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухайхууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг хуулиудад энэ асуудлыг тодорхой тусгахгүй болхууль хангалттай хэрэгжихгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд асуудлаа мэддэг. Төрийн бус байгууллагууд нь гарцаа мэдээд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмнэлэг нийтийн үйлчилгээний байгууллагуудаар дараалалгүй үйлчлүүлнэ гэдэг ч бодит байдал дээр эмнэлэгт дараалалд зогсч, шөнийнхоёр цагт очиж оочер авдаг гэж яригдаж байгаа юм. Эмнэлэгхуулиа хэрэгжүүлээд дотоод журам гаргаад үйлчлэхгэх мэт дунд доод шатандаа хэрэгжүүлэх боломжтой алхамууд их бий.

-Хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдэд үйлчилдэг нөхөн үржихүйн кабинетийн нээлт болсон. Ийм кабинет хэд байдаг вэ?

-Өндөр зэрэглэлийн хувийн эмнэлэгүүд “Интермед”, “Гурван гал” зэрэг эмнэлэгүүдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байгаа. Яг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд тэр бүр хувийн эмнэлэгээр үйлчлүүлээд байх боломжгүй. Даатгалаарүйлчилдэг өрх, багийн эмнэлэгээр л үйлчлүүлнэ шүү дээ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн эмнэлэгт л хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд хүртээмжтэй нэг кабинет бий. Манай төслийн хүрээнд Архангай аймгийн Засаг дарга 2018 оныхоо төсөвт тусгаад, хүртээмжтэй үзлэгийн ортой болохоор төлөвлөгдсөн байна лээ. Энэ тухай сонсоод баяртай байгаа.

-Энэ талын гадаадын сайн туршлага байна уу?

-Эрүүл мэндийн үйлчилгээгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй хүрэхээр төлөвлөсөн байдаг. Жишээлбэл үзлэгийн ор нь дээшээ доошоо“гүйдэг” олон үйлдэлтэй, эмнэлэгторж гарахад саадгүй налуу замтай, өндөр настан, харааны бэрхшээлтэй хүн очсон ч саадгүй үйлчлэхээр угтах үйлчилгээ байдаг. Дохионы хэлмэрч, орчуулагчийн үйлчилгээ ч байдаг.Гадаад хэл мэдэхгүй хүн ч ойлгоод явахаар хаягаа өндөр түвшинд хийсэн байдаг. Энэ чинь л хүртээмж. Хүртээмжийг сайжруулбал заавал хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж онцлохгүйгээр өндөр настан, хөдөөнөөс ирсэн хүн, гадаадын хүн ч бусдын тусламжгүйгээр үйлчилгээ аваад явдаг дэлхий нийтийн түгээмэл загвар бий болж байгаа. Энэ чиглэл рүү манай улс ч орох хэрэгтэй.

-Та өөрөө эмнэлэгт үзүүлэхдээ ийм асуудалтай тулгарч байсан уу?

-Жирэмсэн байхдаа эмчид үзүүлэхээр очиж байсан.Хамгийн энгийн жишээ эмч надтай харьцахгүй “Даралт нь ихсэж байна уу” гээд миний асран хамгаалагчаас асууж байсан. “Хөл чинь хавагнаж байна уу” гээд ээжээс маань асуух жишээтэй. Эмч намайг өөрийгөө төлөөлөх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн, энэний тухай мэдээллийг асран хамгаалагч нь мэдэж байгаа гэсэн байдлаар хандаад байсан. Миний очсон эмнэлэгт тэргэнцэртэй эмэгтэйд эмнэлэгийн ор байхгүй учраасжирэмсний хугацаанд үзүүлэх ёстой хяналтандаа орж чадаагүй. Жишээлбэл жингээ үзүүлж чадаагүй байсаар амаржсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хүчирхийлэлд ихээр өртөж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Гэрийнхний хандлагыг зөв болгох ёстой гэсэн үү?

-Ганцаарчилсан ярилцлага хийх үеэр би 20 хүнтэй ярихад бүгд хүчирхийлэлд өртсөн байсан. Бэлгийн болон эдийн засгийн, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн тухайгаа ярьсан. Эцэг, эхчүүд хайрлаж хамгаалж байгаа гэж боддогч энэ нь заримдаа хүүхдийнхээ эрхийг хязгаарлахад хүргэж байгаагаа ойлгодоггүй. Халтираад уначихна гэж санаа зовоод гадагшаа гаргах дургүй. Гэтэл охин нь аль хэдийнэ 20 хүрчихсэн. Ганцаараа байхыг хүсдэг болчихсон байхад л хөл муутай гэрээсээ гарахгүй шүү гээд гэртээ байлгаад байгаагаа өөрөө аюулгүй байлгаж байна гэж бодоод байдаг.Гэтэл охины эрх зөрчигдөөд байна гэдгээ ойлгохгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ар гэрийнхэнд сургалт мэдээлэл хүргэх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Монголоос Нобелийн шагналтан төрнө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Японы эрдэмтэд цаг хугацааг мэдэрдэг эстэй “ажиллаж”, хүн урт наслах боломжтой болно гэж та ярьж байсан. Сүүлийн үеийн технологийн ололт амжилтыг хэр сонирхож байгаа вэ? Олон эрдэмтэдтэй найз байсан. Харилцаагаа хадгалж байгаа юу?

-Сонирхогчийн түвшинд бол шинээр юу гарчихав гэдгийг байнга эрэлхийлдэг хэвээрээ. Их сургуулиудтай хамтарч ажиллаж байгаа. Жилд нэг, хоёр удаа Япон явдаг. Очоод хэдэн сургуулийнхаа захиралтай тойрч уулздаг. Шинжлэх ухааны бүтээлүүдээ яаж эргэлтэд оруулж байгаа, судалгааны ажлын тухай ярилцдаг. Японы Шинжлэх ухааныг дэмжих хамгийн том сангийн захирлаар манай Нагояагийн их сургуулийн хуучин захирал томилогдсон байна. “Манайхтай хамтарсан судалгаа хийх профессорууд байвал Монголоос явуулаарай. Би дэмжинэ шүү” гэдэг. Би өөрөө ч бас инноваци хэрэгжүүлж үзье гээд эмийн ургамлын судалгаа хийлээ. Сайд байхдаа ч Монголд шинжлэх ухаан яавал өгөөжөө өгөх вэ, шинжлэх ухааны парк хэрхэн байгуулах вэ гээд судалгаа хийлгэсэн. Тэр судалгааны хариу нь юу гэж гарсан гэхээр “Танайд өндөр технологийн парк боломжтой юм байна. Хоёрдугаарт, уламжлалт анагаах ухааны шинжлэх ухааны парк ажиллах юм байна. Танайд эмийн ургамал маш их байна. Дээр нь эмчилгээний аргачлал, дэлхийд танигдаагүй ноу хаунууд байна” гэсэн. Тэндээс сигнал аваад Монголд Уламжлалт анагаах ухааны парк байгуулах ёстой юм байна гэж үзсэн. Уламжлалт анагаах ухааны эмнүүдийг баталгаажуулсан. Эмүүдийн найрлагыг тодорхой болгосон гэх юмуу даа. Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдаж, мөнгө санхүүг нь шийдээд, 100 гаруй эмэнд судалгаа хийлгээд патент авахуулсан юм.

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед уламжлалт анагаах ухааны асуудлаар зөвлөл байгуулаад байсан бил үү?

-Тэгсэн. Бид бас яамнаасаа хөрөнгө санхүүг нь гаргаад, тодорхой эмүүдийг батлуулсан. Энэ ажлын дүнд Польшид “Мон тан” гэсэн уламжлалт эм үйлдвэрлэгдэж байна. Байгалийн гаралтай ургамлуудыг тарималжуулах боломжийг судлаад, тарималжуулах ажлыг эхлүүлсэн хүмүүстэй хамтарч, цаг хүчээ зориулж байна л даа. Бид хунчир тариалж байна. Хунчир бол хүн орхоодойн өвөг дээдэс. Дэлхийн ургамлын нөөцөд Монголоор овоглосон хоёр ургамал бий. Монгол чацаргана, хунчир гэж. Монгол хунчир бусад газар ургадгаас онцлогтой. Хунчирыг тариалаад цай хийсэн. Өмнөд Монголын том эрдэмтэн энэ ургамлыг судлаад холестрин бууруулдаг юм байна гэсэн нээлт хийж, патентийг нь авчихсан байна. Хунчиртай цай холестрин буулгаж, таргалалт, чихрийн чижингээс хамгаалах юм байна. Цагаан мөөгтэй хослуулаад шөл гаргасан. Ийм байдлаар ажиллаж байна. Иргэний хувьд шинжлэх ухааны ололтуудыг ашиглаж, инноваци хийж үзье гэсэн юм. Энэ ажилд маань туслахаар Сасакава Зайдангийнхан ойрын үед Монголд ирнэ. “Сумитомо кагаку” гэж Японы компани чихэр өвсний боловсруулалт дээр асар их ажилласан. Тэдний төлөөлөгчид бас ирнэ. Тэдэнтэй хамтраад өөрийн тариалсан чихэр өвсийг танилцуулах юм.

-Зэрлэг чихэр өвсийг тарималжуулахаар нөлөө нь буурах уу?

-Буурахгүй. Хөрс, үр, ген нь адилхан. Бусад хуурай нөхцөлийг бодвол усыг нь сайн өгч байгаа. Устай бол аль аль нь ургах юм байна. Шинжилгээний дүн зэрлэг ургамалтайгаа адилхан гэж гарсан.

-Монголчууд юу үйлдвэрлэх вэ гэдэг асуултад бас нэг хариу олсон юм байна?

-Түрүүн хэлсэн. Нэг нь өндөр технологийн парк, нөгөө нь уламжлалт анагаахад суурилсан парк байгуулахыг зөвлөсөн гэж. Зөвлөгөө нь Засгийн газарт ч яаман дээр ч байгаа. Хүрээлэнгүүд ч тэр зөвлөгөөг сонссон. Засгийн газар шинжлэх ухааны паркаа тэр зөвлөмжийн дагуу байгуулах учиртай. Ажил нь харин хэр явж байгааг сайн мэдэхгүй байна. Гэхдээ би бас зүгээр сууж таарахгүй. Чадах юмаа хийж л байна даа. Ургацаа хурааж, боловсруулаад гадагшаа экспортолно. Одоо би олон улсын сургуульд зөвлөх хийж байна. Энэ сургуулиа Америк, Японы боловсролынхонтой холбох ажил бас хийж байна.

-Та Монголд дэлхийн хэмжээний их сургууль байгуулах тухай ярьж байсан. Өмнөд Монгол, Оросын буриад, Зүүн хойд Азийн хэрэглэгчдийг хамарсан том сургууль байх боломжтой гэсэн саналыг тань гадны томчууд тоосон уу?

-Анх MIT(Massachusetts Institute of Technology)-г ятгаж бичсэн захидалдаа би Монголд суурилсан, Зүүн хойд Азийн бүс нутагт асар том боловсролын Hub хийж болох юм гэсэн санал хэлсэн. Тэрэнд MIT сонирхлоо илэрхийлсэн л дээ. Энэ бүс нутагт өндөр технологи эзэмшье, технологийн чиглэлээр амжилт гаргая, инновацийн орчин бүрдүүлье гэсэн асар их сонирхол байгаа. Тэд Португали, Хонгконг, Сингапур, Орост ажиллаад үзчихсэн, өөрсдийн гэсэн ноу хаутай. Түүндээ түшиглээд энэ бүс нутагт ажиллаж болох юм байна гэсэн. Тэгээд биднийг урьж хамтарсан гэрээ хийж байлаа. Сургууль шинжлэх ухааны байгууллага учраас амбицтай. Харин эрдэмтэн, докторууд нь ашиг хардаггүй. “Хүний сайн сайхны төлөө хаана ч очиж, хамтарч ажиллахад бэлэн байна. Миний ном, зохиолоос та нар дуртайгаа ашигла” гэдэг. Финлянд, Казахстан, АНУ зэрэг дэлхийн олон оронд XXI зуунд амьдрах ухааны сургалт хүчтэй байна гэж тодорхойлсон. Бид Японы амьдрах ухааны сургалтыг санаачлагчдынх нь дэмжлэгтэйгээр Монголд нэвтрүүлсэн юм. Тэд “Монгол хүмүүс бидний бодсоноос илүү хэрэгжүүлэх юм аа” гээд сэтгэл хангалуун үлдсэн. Монгол хүний чөлөөтэй сэтгэдэг чанар үнэхээр мундаг. Манай багш нар туршлагыг нь хэрэгжүүлээд, үр дүнгийн тайлан тавихад гадаадын хүний санаачилга гэж харагдахгүйгээр аргачлалууд нь өөр, монгол хүний гар орохоор амилаад байна гэж тэд баярладаг.

-Түгжрэлтэй холбоотойгоор их сургуулиудыг хотоос гаргах яасан бэ гээд хүмүүс сошиалаар нэхэж байна билээ. Та бол хотын гадна их сургуулиудын хотхон байгуулж болно гэсэн том амбицтай байсан. Хөрөнгө оруулах сонирхол илэрхийлсэн хүмүүс ч гарч ирж байсан санагдана?

-Улаанбаатараас их сургуулиудыг гаргая гээд төлөвлөгөө гарчихсан явж байсан ажил. Зургийг нь гаргаад, Засгийн газраар ТЭЗҮ, хот төлөвлөлтийг нь батлуулсан юм. Хот байгуулна гэхээр хэдэн тэрбум долларын асуудал яригдсан. Энэ мөнгийг яаж босгох вэ гэхээр нэг бол Хятадын Засгийн газраас зээл авах эсвэл хоосон хот болчих гээд болж өгдөггүй. Багш нар хүртэл энэ хотоос гарч амьдарна гэж төсөөлж, зураг гаргах хэрэгтэй болсон. Ганц их сургуулийн хотхоныг яаж ч байгуулж болно. ШУТИС гэхэд Налайхад кэмп босгоход асуудалгүй. 100-200 мянган оюутантай, 300 мянган хүнтэй хот босгох тухай яригдаж байгаа юм. Тэр хот амьдрах хэрэгтэй. Ийм хотыг байгуулсан туршлага судлаад үзэхээр шинжлэх ухааны бүс болгочихсон газрууд нь хамгийн их амжилтад хүрсэн байх юм. Шинжлэх ухааны туршилтыг хориглодог газрууд бий. Хятадад 1980-аад онд Шинжлэх ухааны хүрээлэнг АНУ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан. Америкчууд Хятад шашингүй юм байна гэж олзуурхсан. Америкчууд Христийн шашинтай. Шашны үүднээс зарим амьтан дээр туршилт хийхийг хориглож, амьтанг хувилж болохгүй гэх мэт хориг тавьдаг. Хоригоос гарлаа гээд Хятадад тухайн үед олон эрдэмтэд цуглаад, их ажил хийсэн дээ. Ингэж шинжлэх ухаанд боломж өгдөг. Инновацийн компаниудаас татвар авдаггүй улс орнууд ч бий. Арабын Эмират байна. Дубайд шинжлэх ухааны компаниудад газрыг нь үнэгүй олгодог. 50-100 жил татвар авахгүй. Японы эмийн компаниуд Дубайд салбараа байгуулаад, судалгаа, үйлдвэрлэл явуулах жишээтэй. Их сургуулийн хотод оюутнаас гадна багш, судлаачид амьдарна. Тэрийг тооцох хэрэгтэй. Хятадад Шинжлэх ухааны паркууд олноор байгуулагдсан туршлагатай. Шинжлэх ухааны паркуудыг Хятадад яаж хийж байна гэхээр Засгийн газар, их сургууль, хөрөнгө оруулагчид хоршиж ажилладаг. Нэг шинжлэх ухааны паркад гэхэд л 150 компани орж ажилладаг.

Тэгэхээр дан ганц их сургуулиудыг хотоос гаргахыг зорих гэхээс илүү Шинжлэх ухааны хот байгуулъя гэж би санал болгож байгаа юм. Энд орж ирж байгаа компаниудад бид эрх зүйн дэмжлэг үзүүлье. Татвараас чөлөөлдөг, судалгааны ажлууд дээр нь боломж олгодог, бизнес болгоод гадагшаа гаргахад нь хориг саад багатай. Ийм шинжлэх ухааны чөлөөт бүс бий болгож, менежмэнтийг нь хувийн компани, олон улсын байгууллагад өгвөл хот байгуулах ажил хөнгөхөн хийгдэнэ. Ийм санал гаргахад эмийн болон өндөр технологийн компаниуд, манайд болсон чуулган дээр ирээд “Бид оролцоход бэлэн байна” гэсэн. Би хоёр, гурван удаа дэлхийн том парк байгуулагчид, судлаачид, амжилттай яваа газруудын лидерүүдийг урьж, шинжлэх ухааны хотыг яаж босгох вэ, бид яаж шинжлэх ухааны улс болох вэ, манай байдлыг хар, эрдэмтэдтэй уулзаж, бүтээлтэй нь танилц, хүүхэд залуустай уулз гэсэн. Дараа нь ярилцаж байхад их л нааштай хандлагууд мэдрэгдсэн. Би бол бүтээж болох юм байна гэсэн итгэлтэй байсан. Ингэж итгэтлээ олон үе шат дамжсан даа. Зургийг нь хийлгээд, төсөв тооцоог нь гаргахад л бараг хоёр жил хагас шаардагдсан. Дараа нь паркийн судалгаа хийгээд, Монголд шинжлэх ухааны парк байгуулахаар Хятадын Засгийн газраас мөнгийг нь гаргуулаад, Хятадын хамгийн том паркийг үндэслэгч загалмайлсан эцэг, эх болсон хэдэн хүнийг авчраад, нөгөө хэдээс бүтэн зөвлөгөө авсан. Тэгэхэд болохоор л харагдсан.

Тохь тухтай орчин бий болгох учиртай. Тохь тухтай газар очиж судалгаа хийх сонирхолтой дэлхийн сор эрдэмтэд байна. Бүтээлээ хийгээд, компани байгуулаад 100 сая доллар олчихсон, дэлхийгээр хэсч, хамгийн аятайхан газар нь ажиллаж амьдардаг хүмүүс цөөнгүй. Олон улсын хот байх хэрэгтэй. Засгийн газрын нэг агентлагт энэ ажлыг өгвөл ингэж хийхгүй юм шиг байна лээ. Манайхны хувийн сонирхол ороод юмыг будилуулчихдаг шүү дээ. Эндээс өөрсдөө ашгаа хүрт гээд менежмэнтийг нь хийж чадах компанид өгвөл бид шинжлэх ухааны том хоттой, шинжлэх ухаанд амжилт гаргасан улс болох энүүхэнд юм билээ. Монголчуудын суу билэг, авьяасыг гадныхан их үнэлдэг шүү дээ.

-Дэлхийн шилдэг их сургуулиудыг эрэмбэлэхэд Нобелийн шагналтан хэдийг төрүүлсэн гэдэг шалгуур байдаг юм билээ. Таны хэлсэнчлэн монголчууд суу билэгтэй юм бол яагаад Нобелийн шагналтан төрөөгүй юм бол. Дэлхийд шинэ нээлт хийх эрдэмтдийг бид яаж бэлтгэх вэ?

-Гол нь нээлт хийх сэтгэл зүй чухал. Эдисон гэхэд нээлт хийхийн тулд хичнээн удаа бүтэлгүйтсэн гэдэг билээ. Монгол эрдэмтэд унаж босоход тэвчээртэй хүлээдэг, тууштай дэмжлэг хэрэгтэй. Америкт Цахиурын Хөндий буюу “Silicon Valley”-д хүмүүс яагаад амжилтад хүрдэг гэхээр ялагдахыг нь зөвшөөрдөг. Манайд бол нэг алдчихвал түүхэнд нь тэмдэглээд, ахиж тэр хүнд боломж олгодоггүй. Монголоос Нобелийн шагналтан төрнө. Гэхдээ тавигдаж байгаа даалгавар нь нээлт байх ёстой. Жишээлбэл Японоос Нобелийн шагналтан тасралтгүй төрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Тэр хүмүүсийн тавьж байгаа даалгавар огт өөр. Дэлхий яаж бүтсэн яг тэгж дэлхийг бүтээнэ гэдэг судалгаа хийгдэж байна гээд бод доо. Дэлхий бүтсэн үйл явцыг дахин нэг газар эхлүүлнэ гэж байгаа юм. Манайхны сул тал хичээлдээ дарагддаг. Хоёрдугаарт, хүний хийсэн юмыг уншаад ойлголоо, болчихлоо гэдэг. Японы том эрдэмтэд бусдын хийсэн нээлтүүдийг бараг сонирхохгүй. Өөрөө нэг юм барьж аваад, тэрнийхээ араас явдаг. Жишээ нь, Амано гээд Японы Нобелийн шагналтан бол ганцхан шинэ хагас дамжуулагч гаргах гэж ноцолдсоор байгаад хөх өнгийн лед гэрлийг нээсэн юм.

Том нээлт хийсэн хүмүүс бол бараг л хувийн амьдралаа орхичихсон өөрийгөө золиосолчихсон байдаг. Тэдэнд ганц л нийтлэг юм байдаг. Тэр нь сониуч зан. Үүний учрыг яаж олох вэ, үүнээс өөр байж болдоггүй юм уу? Байж болно. Онолын хувьд ийм боломж байна гээд онолоо гаргачихаад, үүнийг практикт яаж батлах вэ гээд явдаг. Маш чөлөөт сэтгэлгээтэй. Энэ зууны хүүхдүүд асар чөлөөт сэтгэлгээтэй болсон. Тэдний сониуч занг л алга болгож болохгүй. Бидний үеийнхэн нээлт хийхэд хэцүү л дээ. Сониуч занг нь боловсролын байгууллага дараад, нэг хэвэнд цутгаад, үйлдвэрлээд гаргачихсан. Гарз хохирол амсч, энгийн нүдээр харахад стандарт бус байж л том нээлтүүд хийдэг.

-Хүүхдийг сониуч хэвээр нь үлдээдэг, өөрийнхөөрөө байх эрх чөлөө олгодог сургууль Монголд хэр олон байна вэ? Одоо улсын сургуулийн бага ангиуд бол яг л хуучных шиг, тавь жаран хүүхэд нэг ангид тохой залгаж суусан харагдах юм?

-Бүх газар адилхан гэж харах хэрэггүй. Ховдын Зэрэг суманд бол нэг ангид хорин хүүхэд л байгаа. Төв аймгийн Сэргэлэн суманд таван хүүхэдтэй анги ч бий. Тэр хүүхдүүд бүгд эрдэмтэн болох албагүй. Байгаа нөхцөлдөө, чадлынхаа хэрээр хүүхдийн сониуч занг дэвэргэ гэж л би хэлнэ. Сониуч занг нь унтраахгүйн тулд аль болох авьяасыг нь нээ, хөгжүүл, дэмж. Багш хичээл заахдаа өөрөө бүгдийг ярьдаг биш хүүхдэд асуулт үлдээхийн тулд ярьж байгаа сэдвийнхээ нэг мэдээллийг орхичих. Тэрийг нь хүүхэд олно. Хүүхдийг хөгжүүлж байгаа олон багш бий. Хуучин цагт Монголд хэдэн лидер бэлтгэгдэж байлаа. Одоо бол тав дахин олон лидер бэлтгэж байгаа. Монгол тав дахин хүчтэй болсон гэсэн үг.

-Уг нь таны үед багш нар хүүхэд бүрийг яаж хөгжүүлэх вэ гээд баахан сургалтанд суусан даа?

-Багш нар гоё энерги авсан. Бүгд онц сурах албагүй. Дүнгийн араас битгий хөөцөлд гэхээр багш нар тайвширсан. Эхлээд хүүхэд юмны учрыг олох учиртай. Учрыг нь олоогүй баахан цээжилчихсэн хүүхдүүд төгсөөд хэн болж байна. Хөөрхий нөгөө цээжилдэг системээр яваад, хэн сайн цээжлэх вэ, хурдан унших вэ гэдэг уралдаанд ороод ялагч нар нь УИХ, Засгийн газарт сууж байна. Арай өөрөөр сургах ёстой. Хүнд чаддаг, чаддаггүй юм байна. Дургүй хоолыг нь хүчээр чихээд байдгаа л болъё гэсэн юм. Бидний хийсэн нэг ажил Боловсролын яам хичээлийн хуваарийг батлахаа болиод, ерөнхий хөтөлбөр гаргаж өгөөд, хичээлийн хуваариа та нар өөрсдөө хий гэсэн. Багшийг хөгжүүлэхийн тулд олон номуудыг орчуулсан. “Багш хүн байнгын суралцагч” гээд ном байна. Энд багш яаж өөрчлөгддөг тухай олон түүх бий. Дэлхий нийтээрээ мэдээлэлжсэний дараахь нийгэмд бид яаж амьдрах вэ гээд бүгдээрээ л бужигнаж байна шүү дээ. Зарим нь бүр учраа олохгүй дотооддоо дайн хүртэл хийж байна. Бусад нь учраа олоод явъя гээд судалгаа хийгээд, асуудлынхаа ард гаргахаар зүтгэж байна.

-Бүх хүүхдийг сургуулиар хангана гэвэл маш олон байшин барих хэрэгтэй. Зарим улс оронд хүүхдийг заавал сургуулийн анги танхимд уях биш, гэрээсээ онлайнаар сургах боломжтой болсон гэнэ. Ийм боломж байгаа юу?

-Байгаа шүү дээ. Энэ талаар ажиллах л хэрэгтэй. Бид хүүхдийг онлайнаар сургахын тулд шилдэг багш нарын 300 орчим хичээлийг хөрөнгө гаргаж, онлайн болгосон шүү дээ. Зарим эцэг, эхчүүд олоод хүүхдэдээ харуулдаг юм билээ. Боловсролын яамны сайт руу ороход бүх холбоосууд нь бий. Нэг юмыг ойлгох хэрэгтэй. Монголд арван жилийн өмнө жилд сургуульд орж байсан элсэгчийн тоо 40 орчим мянга байсан. Сүүлийн арван жилд шинэ хүүхэд жилд 70 мянгаараа мэндэлсэн. Удахгүй 100 мянга болно. Арван жилийн дараа Монголын сургуулиуд сая хүүхэд багтаах шаардлагатай болно. Сүүлийн хэдэн жилд 100, 200-гаар нь сургууль барилаа. Суудлынхаа тоог 10-20 хувиар нэмж байхад л хүчрэхгүй байна шүү дээ.


Categories
мэдээ нийгэм

“Үй цай” сургуулийн БНХАУ-д олонх нь сурдаг 2014 оны төгсөгчид сургууль дээрээ “болзов”

ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ АНГИ

П.Мөнхзаяа хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуулийн 2014 оны төгсөгч. Одоо Бээжин хотод Ардын их сургуульд сурдаг. Олон улсын харилцааны факультетийн дипломатын ангийн дөрөвдүгээр курсийн оюутан. Тэдний ангийнхан 32-уулаа төгссөн, охид хөвгүүдийн тоо тэнцүүхэн. Саяхан “Үй цай” сургуулийн төгсөгчдийн “Нөхөрсөг нэг өдөр” уламжлалт арга хэмжээ болоход хамгийн олуулаа цуглаж, захирлын нэрэмжит “Олуулаа” шагнал хүртсэн байна.

“Миний хувьд дунд сургуулиа төгсөөд, БНХАУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Нэгдүгээр курсээсээ эхлэн гурван жил оюутны холбоонд ажиллаж байгаад, 2018 оны наймдугаар сард БНХАУ дахь Монгол оюутны нэгдсэн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хятадад сурч байгаа монгол оюутнуудын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Одоо 8000 гаруй оюутан БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцдаг. Миний сурдаг Бээжин хотод мянга орчим монгол оюутан суралцаж байна. Дийлэнх нь Засгийн газар, хот, муж, сургуулийн тэтгэлгээр, цөөн хувь нь хувийн зардлаар суралцдаг” гэж П.Мөнхзаяа танилцуулав.

П.Мөнхзаяагийн ангиас арав гаруй хүүхэд БНХАУ-д оюутан болсон, Бээжинд дөрөв нь суралцдаг аж.

Орчин үед англи хэлнээс гадна хятад хэлтэй байх нь том давуу тал болжээ. “Хятад хэлтэй байх маш чухал. Жишээлбэл, Австралид ажилд орох болоход ази хүмүүсээс “Хятад хэлтэй юу” гэж асуудаг. Төгсөөд Хятадад ажиллах, эсвэл өөр оронд хятад компанид ажиллахад том түлхэц болно” хэмээн тэрбээр ярилаа. П.Мөнхзаяагаас оюутны амьдралын хэв маягийг сонирхсон юм. “Сургуулийнхаа кампуст гадаад оюутны байранд амьдардаг. Манай сургуульд гэхэд л зуу гаруй улсын 2000 гадаад оюутан сурдаг. Хятадад их сургуулиуд дор хаяж нэг кампустай, том сургуулиуд өөр, өөр дүүрэгт салбар кампустай байдаг. Кампусууд нь оюутнуудын сурах бүх л нөхцөлийг бүрдүүлсэн. Оюутны хоолны газар, номын дэлгүүр, супермаркет, хувцасны дэлгүүр, хөлбөмбөг, сагсны талбай, үсчний газар хүртэл бий. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа оюутнууд сард 2500 юанийн стипенд авдаг. Би нэгдүгээр курст суралцахдаа 50 хувийн тэтгэлгээр суралцаж байсан тул орой 17:00-22:00 цаг хүртэл хятад хоолны газар ажилладаг байлаа. Хоёрдугаар курсээсээ эхлэн 100 хувь тэтгэлэгтэй суралцах болсноор ажил хийх шаардлагагүй болж, хичээлдээ илүү анхаарах болсон.

Миний хувьд гадаад оюутны ангид сурдаг учраас хятад оюутны ангиас өөр. Гадаад багш нар хичээл заадаг. Хятадын улс төрийн соёл гэх мэт хичээлүүдийг ордог. Гэхдээ гадаад оюутнуудад арай өөр программаар ордог хэмээн сонирхууллаа. Монгол сургууль төгссөн хүүхдүүд жил хэлний бэлтгэл хийсэн ч мэргэжлийн ангид орохдоо хичээлээ сайн ойлгохгүй тохиолдол байдаг. “Үй цай” сургуулийг төгссөн хүүхдүүдийн хувьд хэлний бэлтгэл хийх шаардлагагүй. Мэргэжлийн ангид шууд орсон ч хичээлээ сайн ойлгоод, гадаад оюутнууд дундаа хятад хэл сайтайд тооцогддог гэнэ.

Гадаад оюутнуудын дунд зохиогддог илтгэлийн тэмцээнд “Үй цай”-гийнхан идэвхтэй оролцдог. Сургуулийнхаа болон мужийн тэмцээнд амжилт үзүүлдэг уламжлалтай. П.Мөнхзаяаг хятад хоолны газар ажиллаж байхад үйлчлүүлэгчид гадаад хүн гэж ялгадаггүй. Зарим хамт ажилладаг хүмүүс ч монгол гэж мэддэггүй байжээ.

“Бид багаасаа хятад шүлэг цээжилдэг байсан. Анги өгсөх тусмаа олон шүлэг цээжилдэг. Хятад хэлц үг, онч мэргэн үгс, Күнзийн сургаал цээжилдэг байсан. Би эрүүл мэнддээ анхаардаг учраас дунд сургуульд байхаасаа цайг сонирхон судалж, Хятадад очоод ч цайны талаар суралцсан. Хятад цай олон төрөлтэй. Хэдэн сая төгрөгийн үнэтэй цай ч бий” хэмээн тэр хуучилсан. Харин “Үй цай”-д суралцах болсон түүх нь энэ сургуулийн сурагч охиноос эхтэй.

“Би Эрдэнэт хотод төрж өссөн. 2003 онд би 84 дүгээр сургуульд сурч байлаа. Ээжид маань найз нь “Үй цай” сургуулийг санал болгосон юм. Тэр эгчийн хүүхэд нь “Үй цай”-д сурдаг, зургадугаар ангийн сурагч байсан. Ээж маань эрүүл мэндийн шалтгаанаар урагшаа явсан. Хэл мэдэхгүй учраас орчуулах хүн хэрэгтэй байв. Зургадугаар ангийн жаахан хүүхэд ээжид маш мундаг орчуулж тусалжээ. Тэгээд ээж маань “Охиноо энэ сургуульд сургая даа” гэж шийдээд, намайг шилжүүлж авчирч байлаа. Бага насны хүүхэд мөртлөө эмнэлгийн орчуулгыг түүртэхгүй хийхийг хараад ээж маань энэ сургуульд намайг оруулахаар шийдсэн. Хамгийн зөв шийдвэр байсан гэж бид боддог. Дүүгээ сургуулийн насанд хүрэхээр нь “Үй цай” сургуульд оруулна гэж бодож байгаа” хэмээн ерөнхийлөгч хуучилсан.

“11Б–ГИЙН Б.МӨНХТУЛГА АНГИДАА ОРООРОЙ”

“Үй цай” сургуулийн Д.Цэцэгмаа захирал одоо ч төгсөгчидтэйгөө бужигнаж, багадаа ямар хүүхэд байсныг нь дурсах дуртай. “Эдний ангийнхан их үймүүлдэг хүүхдүүд байсан. Нэг сар шал угаахаар шийтгүүлж байсан ангийнхан. Хичээл тарсны дараа гуравдугаар давхрын шал, хоёр талын шатаа угаагаад явдаг байж билээ” хэмээн тэрбээр дурслаа. Есдүгээр ангид байхдаа хөвгүүд нь нөгөө ангийнхаа эрчүүдтэй гар зөрүүлсэн нь захирлын чихэнд хүрч, шийтгэл хүлээсэн нь тэр аж. Ангийн хүү Б.Мөнхтулга энэхүү хэргийг “Зайлшгүй шаардлага байсан юм аа” хэмээн тайлбарлахад бусад нь инээлдэв. Багадаа “Хамгийн дэггүй нь” байсан гэх Б.Мөнхтулга одоо ОХУ-ын Вальск хотод Цэргийн ар талын хангамжийн академид сурдаг дэгтэй нэгэн болжээ. Цэргийн хувцастай ганган зургийг нь ангийн охид шагшиж байна лээ. Аав нь цэргийн хүн болохоор мэргэжлийг нь өвлөж авахаар шийдсэн ажээ. Арав гаруй орны залуустай нэг ангид сурдаг. Гадаад оюутнууд нь оросуудаас тусдаа суралцдаг юм байна. Тэднийг офицерууд нь нэг их “чангалдаггүй” гэсэн. Б.Мөнхтулгын ангид Анголоос ирсэн оюутан ч суралцдаг бөгөөд Орост болдог том цэргийн парадуудад цэргийн сургуулийнхан бас жагсдаг гэнэ.

“11б-гийн Б.Мөнхтулга ангидаа ороорой” гээд узелиэр сургалтын менежер Д.Должинсүрэн зарладаг байсныг ангийн охин нь дурслаа. Хааяа хувцасны өлгүүрт сууж хичээлээ тасалдаг байсан гэнэ. Энэ тухайгаа “Өлсөөд юм идэж байгаад хоцорчихоороо хичээлдээ орохоосоо айгаад тасалчихдаг байсан юм” гэж хэргийн эзэн тайлбарлав.

Багадаа хүүхэд болгон хөдөлгөөнтэй байдаг. Ялангуяа хөвгүүд маань дүрсгүй. Хятад багш нарын зарчимч, хатуу шаардлагын үр дүнд бид сууж сурсан. Их шийтгүүлдэг, загнуулдаг байсан. Нэг нь зүггүйтэхээр ангиараа шийтгүүлдэг. Гар руу савхаар цохих, ханзаа олон дахин бичих шийтгэл их хүртдэг. Түүний хүчинд нэг ангийнхан шиг болж, нэг нь нийтийнхээ төлөө байж сурсан. Улсын сургуулийн сурагчид өглөө найман цагаас ороод, үд дунд тарчихдаг. Бид нэгдүгээр ангид байхдаа л өглөө наймаас хичээлдээ ороод 15.30 минут хүртэл хичээллэдэг байлаа. Хятад багшдаа сэдвээ шалгуулдаг. Тэр нь үргэлжилсээр байгаад 17 цаг гэхэд сургуулиас гарч ирдэг байсан. Анги дээшлэх тусмаа маш олон цагаар суудаг. Монгол хичээлүүдээ үзэхийн хажуугаар хятад хэл дээр олон хичээл үздэг байсан гэж нэг ангийнхан дурсацгаав.

“Үй цай-д ороод, хоёр дахь жилдээ ядаргаанд орж байсан. Үүнээс хойш аав ээж, маань зундаа заавал хөдөө гарч, дархлааг маань дэмждэг болсон. Сүүлдээ ачаалал даадаг, олон цагаар сууж хичээллэх чадвартай болж ирсэн. Зуны амралтаар хүртэл их даалгавартай байдаг хэмээн ангийн охин ярилаа.

Е.Жүгнээбадам ОХУ-ын Новосибирск хотод олон улсын харилцаагаар сурч байгаа. П.Мөнхзаяатай нэг ширээнд тохой нийлэн сууж бие биендээ тусалдаг байсан гэнэ. Жүгнээ одоо бол их сургуулийн ангийнхаа хоёр монгол оюутны нэг нь. Манай гэр бүлийнхэн дийлэнх нь Орост төгссөн. Ах бас Үй-Цайг төгсөөд Орост их сургуульд сурсан. Сургууль төгсөхөд ах “Орост очиж сур” гэсэн. Тэгээд л Орос руу явсан даа хэмээн тэрбээр ярилаа. “Хятад хэл сурч байгаад орос хэл үзэхэд түвэгтэй болов уу” хэмээн сонирхоход “Эхэндээ үнэхээр амархан санагдана. Сүүлдээ дүрэм нь нарийсаад, нүд чих нээгдээд ирэхээр хүндрээд явчихна” гэлээ. “Багадаа хэр зүггүй байсан бэ” гэхэд Жүгнээ “Зүггүй, зүгээр суухгүй шүү дээ” гээд инээж байна.

А.Мөнхбилгүүн Бээжингийн их сургуульд олон улсын харилцаагаар суралцдаг. Ангийн гурван дипломатын нэг.

Тэд дунд сургуулийнхаа төгсөх ангидаа Хятад хэлний түвшин тогтоох шалгалтаа дээд буюу тав, зургадугаар түвшинд өгцгөөсөн гэнэ. Энэхүү шалгалт нь БНХАУ-ын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын түвшинд элсэн суралцах үндсэн нөхцөл болдог аж.

С.Хос-Уянга Бээжинд Гадаад оюутны байранд ангийн охин П.Мөнхзаяатай нэг өрөөнд амьдардаг гэнэ.

Тэрбээр Бээжингийн Ардын их сургуульд санхүүгийн менежмэнтээр сурдаг. Дунд сургуульдаа урлаг спортын авьяастай нэгэн байжээ.

Б.Чимэдлхам Санхүү эдийн засгийн их сургуулийн Тайваньтай хамтарсан хөтөлбөрийг энэ жил төгсөөд, Монголдоо ажиллаж амьдарч байна. Санхүүгийн менежмэнтээр сурсан. Багадаа бүжиглэдэг, урлагийн үзлэгт ордог од охидын нэг байв.

Ангийнхан эхнээсээ гэр бүлтэй болж, зарим нь аль хэдийнэ ээж болжээ. Л.Лхамжав, З.Хүслэн нар ээж болсон бол Э.Номинцэцэг удахгүй ээж болох гэж байгаа аж.

Ангийн хүү Г.Батцагаан Харбины Технологийн их сургуульд маркетинг менежмэнтийн ангид дөрөвдүгээр курст сурдаг. Энэ мэргэжлээр сурах болсон шалтгаан аавтай нь холбоотой гэнэ. “Аав маань жижиг бизнес эрхэлдэг. Багаасаа аавдаа туслахыг хичээдэг байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон” гэв. Г.Батцагааны аав нь сурагч байхдаа “Нууц товчоо” уншаад, хүүтэй болохоороо Батцагаан гэж нэр өгнө гэж шийдсэн түүхтэй. “Дунд сургуульд байхдаа их л уйлдаг байсан” гэдгээ Г.Батцагаан онцлов. Яагаад гэхээр “Ангийнхандаа гомдоод” гэнэ. Эмзэг хүү байсан бололтой.

Харбинд бас энэ ангийн Т.Мөрөн сурдаг. Тэрээр суралцахын зэрэгцээ бодибилдингээр хичээллэж, Харбины хятадуудад фитнесс заадаг. Монголд ирж тэмцээнд оролцдог булчинтай залуу. Цаашдаа улсын аварга руу мацаж буй ирээдүйтэй тамирчин гэнэ шүү.

ХЯТАД ОЮУТНУУД ШӨНӨ ГЭРЭЛ УНТРАХАД Ч ШИРЭЭНИЙ ЧИЙДЭНГЭЭ АСААГААД ХИЧЭЭЛЛЭДЭГ

Тэд дунд сургуульдаа хятад хэл үзэж, их сургуульдаа ч хятад хүмүүсийн дунд суралцаж байгаа. Тэднээс хятад хүмүүсийн онцлог чанарын тухай сонирхоход:

“Хоорондоо маш их өрсөлддөг” гэж П.Мөнхзаяа тодорхойлсон. Хэт их өрсөлддөгөөсөө болоод бусдад туслах, дотно нөхөрлөх чанарууд гээгддэг юм шиг санагддаг” гэж тэр ярив. “Сайн танилцах юм бол гайгүй ээ” гэж нөгөө нь дуугарч байна.

“Ганцхан хотын хүмүүс гэхэд л бүхэл бүтэн улсын хүн амыг гурав нугалчихаар олон байхаар хэцүү санагддаг. Монголд ийм байсан бол гэсэн бодол төрдөг” гэж Г.Батцагаан атаархав. Хятадуудын бас нэг онцлох чанар нь залхуурдаггүй гэж өөр нэг залуу тодорхойлов. Үүрийн дөрвөн цагаас хөл хөдөлгөөн эхэлдэг. Амралтын өдрүүдэд ч тэд эрт босдог. Оройн давтлагын ангиудад оюутнууд битүү суугаад шөнө ч хичээлээ хийнэ. Оюутны дотуур байранд үдэш тодорхой цагт гэрэл унтардаг. Гэсэн ч бүгд ширээнийхээ чийдэнг гаргаж ирж асаагаад, шөнөжингөө хичээллэдэг гэнэ.

Ц.Санжид ангийн найз А.Сүбээдэйн хамт Хятадын Ханжоу хотын Zhejiang их сургуульд хот төлөвлөлтийн мэргэжлээр суралцаж, нэг өрөөнд хамт амьдардаг. “Том том макетууд дээр ажиллаад, зураг зураад сууж байдаг” гэж Ц.Санжид өөрийгөө танилцуулав. “Хятадууд нэг дүүргийн довжооноос эхлээд бүгдийг төлөвлөдөг юм билээ. Хараахан том хотын төлөвлөлт рүү ороогүй байгаа” гэж тэр хэлсэн. Багадаа нисгэгч болохыг хүсдэг байжээ. Хожим нисгэгчийн сургуулийн урилга авсан ч хичээлүүдийг нь харсан чинь аймаар нарийн санагдаад, эгчтэйгээ зөвлөж байгаад хот төлөвлөгч болохоор сонгосон гэлээ.

Хятад хүмүүс монголчуудын талаар хэр мэддэг бол гэж сонирхоод ийм хариу сонслоо.

Ц.Санжид “Монголтой ойролцоо үндэстэн ястанууд нь мэддэг. Бусад нь сайн мэдэхгүй” гэлээ. Г.Батцагаан “Та нар морь унаж хичээлдээ явдаг уу” гэж асуудаг хэмээн нэмэрлэв. Таксины жолооч нар “Хаанаас ирсэн бэ” гэж их асуудаг. Монгол гэхээр “Та нар Хятадынх биз дээ” гэдэг аж. “Мэдлэг муутай улсууд нь тэгж ярьдаг. Анх очоод бараг хэрэлдэх шахдаг байсан. Сүүлдээ тэгж ярьж байгаа хүмүүст нь хариулахаа байсан” гэж Ц.Санжид тайлбарлалаа. Г.Батцагаан “Эхэндээ ч хүн болгонд Чингис хааныхаа тухай ярьж, тайлбарладаг байлаа” гэнэ. Жижиг наймаа хийж, замын зардлаа босгосон удаатай гэнэ. Хятадууд ноолуур, адууны яс, чацаргана сонирхдог. Орост сурдаг цэргийн сургуулийнхан харин савхин бээлий авах дуртай ажээ.

А.Билгүүн МУИС-ийн хятад хэлний орчуулагч, судлаачийн анги төгссөн. “Хэл дангаараа бол мэргэжил биш, чадвар болоод байгаа. Тийм учраас давхар мэргэжил эзэмших бодолтой байгаа” гэж тэр ярьсан. Тэрбээр бага ангидаа “Үй цай”-д шилжиж ирэхэд ангийн анд Жүгнээ “Тав дахь өдөр болгон их цэвэрлэгээний өдөр, сурагчид шалаа угаадаг юм. Гялс алчуур олж авахгүй бол алчуургүй үлдчихнэ шүү” гээд зөвлөж байсныг дурслаа.

Ангийн багш С.Саруул “Манай сурагчид сэргэлэн, хөдөлгөөнтэй, шинийг суралцахдаа хурдтай хүүхдүүд. Төгсөхдөө их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтандаа чамгүй амжилт үзүүлсэн. Бүгд хүссэн сургуульдаа орох үед л хүүхдүүдээрээ хамгийн их бахархсан даа. Ангийн дарга Н.Жавхлантөгс бас БНХАУ-д сурч байгаа. Зуны амралтаараа Солонгост ажиллаж байгаа учраас өнөөдөр ирж чадаагүй. Ангийн дарга маань хурдтай, зохион байгуулах ажилд сайн, сэтгэл сайтай хүү. Манай сургуулийн төгсөгчид жил болгон “Үй цай” төгсөгчдийн “Нөхөрсөг нэг өдөр”-өөр уулзалддаг гэв.

“Үй цай” сургуулийн захирал Д.Цэцэгмаа төгсөгчдөдөө “Та нар бол Монгол Улсын ирээдүйн тулах цэгүүд шүү дээ. Та нар эрдэмтэй, соёлтой, ухаантай байх юм бол Монгол хөгжинө” хэмээн захиж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ном унших уу, Кино үзэх үү

КИНО ТӨСӨӨЛЛИЙГ ГҮЙЦНЭ ГЭЖ ҮҮ…

Ном унших уу, кино үзэх үү гээд “сонгууль” явуулбал дүрстэй, дуутай кино нь ялна гэж олон хүн хариулж магадгүй. Гэхдээ хариуг нь шууд хэлэх гэж яарах хэрэггүй. “Юманд учир, суманд гичир бий” гэдэг дээ. “Мон судар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбатад энэ асуултыг тавихад хариулт нь бэлэн байлаа.

-Маш олон ном зохиол кино болж гарсан. Сайн кинонууд бий. Гэхдээ хүмүүс ихэнхдээ “Кино нь номоо гүйцэхгүй байна гэдэг” хэмээн тэр хэллээ.

Яагаад тэр билээ?

Кино урсаад өнгөрдөг, зарим хэсгийг нь ойлгоно, заримд нь эргэлзэнэ. Харин номыг бол уужуу тайван, давталттайгаар уншиж болдог. Телевизийн нэвтрүүлэг үзэх болон сонин уншихад ч энэхүү давуу болон сул тал үйлчилдэг шүү дээ. Дүрс, дуутай “амьд” хэлбэр хүнд илүү хүрэх юм шиг санагдах байх л даа. Кино богино хугацаанд ихийг харуулах ёстой учраас зохиолыг товчилдог. Хүмүүс эх зохиолыг мэдрэхийн тулд номыг илүү “амталдаг”. Ном уншиж байгаа хүний төсөөллийг үнэндээ ямар ч кино гүйцдэггүй шүү дээ. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудыг төсөөлдөг ажээ. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэсэн нь учиртай. Тэрбээр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн юм. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодох явцад хүн өөрчлөгдөнө гэнэ шүү.

Ном унших, уншсанаа мэдрэх, төсөөлж сургахын тулд хүүхдийг багаас нь бэлтгэх учиртай. Хүн ном уншиж сурсан эсэхээс олон юм хамааралтай. Хүүхэд анх зургийг “уншиж” эхэлдэг. Зураг ойлгоно гэдэг хожим хүүхэд уншиж сурах бааз суурь бүрдэж байгаа хэрэг. Зурагт номыг хүүхэдтэйгээ хамт уншиж, ярилцаж, төсөөлөх нь эцэг эхчүүдийн хүүхдэдээ оруулж байгаа их хувь нэмэр юм.

Хүүхдүүдэд зориулж сэтгэл гаргаж хийсэн зурагт номууд чухал. Харамсалтай нь манайд гадаад номуудын зургийг ихэнхдээ хуулбарлаад тавьчихсан байдаг. Монгол хүүхдэд зориулсан биш, гадаад хүүхдийн сэтгэлгээнд тохируулсан номууд элбэг. Түүнчлэн хүүхдийн номын зургийг гоёчилж хөөрхөн зурдаг. Энэ бол маш буруу хандлага. Дийлэнх нь ийм зурагтай номууд байна. Хүүхдийн жинхэнэ зурагт ном олноороо гарч ирэх хэрэгтэй гэнэ.

“Уншина гэдэг ойлгоно гэсэн үг. Манайхан уншсан номоо ярилцах арга хэмжээ зохиох гэж оролддог. Ном уншаад ярилцах гэхээр зарим нь үйл явдлыг ярих гээд байдаг. Энэ зохиол чамд юу өгөв гэдгийг ойлгох нь ном уншиж сурсан гэсэн үг. Ном уншиж сураагүй учраас ихэнх хүүхэд хичээл номоо цээжлэх хандлагатай байдаг. Гэтэл номыг уншаад март гэдэг. Чи хоол хүнс хэрэглэж байгаатай яг адилхан ном чам руу ордог. Хоол хүнстэй адилхан чамд энерги болж очдог. Ном уншаад ямар нэг юмыг ойлгож, гүн сэтгэгдэл төрүүлсэн бол ном чамд шингэсэн гэсэн үг. Ямар нэг байдлаар хэзээ нэг цагт чиний асуудалд хандах хандлагад нөлөөлдөг. Уран зохиолын номыг ойлгож мэдэрч уншиж сурах гол болохоос биш, олон ном унших чухал биш. Дунд ангид бэсрэг зохиол, сайн өгүүллэгийг задалж унших хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл өгүүллэгүүдийг задалсан хэлбэрээр сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Нэг өгүүллэгийг хүүхдүүдээр задлуулаад маш сайн “зажлуулах” ёстой. Тэгж байж зохиолын утга учрыг мэдэж авдаг. “Ийм байвал яах вэ” гээд хүүхдүүдээр зохиолгох хэлбэрээр уран зохиолын хичээлийг заах нь үр дүнтэй аж.


УНШДАГ ХҮМҮҮС УРТ НАСАЛДАГ

Ном уншина гэдэг бүтээлч ажил. Заримдаа номоо тэврээд унтаж орхих вий. Нойр хүргэх нь энэ удаа муу биш, сайны жишээнд дурдагдаж байгааг анхаараарай. “Уншдаг хүмүүс урт насалдаг” гэж “Ном унших арван шалтгаан”-ы эхэнд дурджээ. Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнга ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол унтаа байдалд ордог. Хүн мэдлэг боловсрол эзэмшээгүй эрт үед хүмүүс богино насалдаг байв. Харин одоо бол өндөр хөгжилтэй орны хүмүүс жар, далан нас хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санаа нь хөгшрөл, доройтолд ордоггүй нь ном уншиж, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж, маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсонтой ч холбоотой гэж үздэг байна. Ном бас “Хамгийн сайн стресс тайлагч” гэнэ. Стрессээс гарахад сонирхолтой, сайн ном тус болдог. Уншиж буй номондоо автаж, өнгөрсөн баларсныг мартаж, шинэ сэргэг бодлууд төрөх нь мэдрэлд сайнаар нөлөөлдөг гэнэ шүү. Мэдээж үгийн баялаг сайжрах гэх мэтээр ном уншихын сайн талуудыг үргэлжлүүлж болно.

ЗУРГААН НАСТАНУУД ҮСГЭН ДОТОР ЗУРАГ “ЦОХИЖ ЯВАА” НОМ УНШИНА

Эрдмийн өргөөний босго алхаж, уншиж сурч байгаа нэгдүгээр ангийн хүүхдэд ямар ном санал болгох вэ гэсэн асуултад “Унших чадварын янз бүрийн түвшинд зориулсан ном гаргаж байна. Нэгдүгээр ангийнхан зарим үсгээ үзэж дуусаагүй байдаг учраас зураг, үсэг хольж уншдаг ном гаргасан” хэмээн тэр тайлбарлав. Унших чадвараар нь нэгээс дөрөвдүгээр түвшин хүртэл ангилаад, түвшин ахих тусам зураг нь багасдаг ном хийж эхэлсэн гэнэ. Хүүхэд бүх үсгээ нүдэлж гүйцсэн үед богинохон тексттэй, зурагтай, хүүхэд өөрөө уншиж ойлгоод баясах хэмжээний ном уншуулах учиртай.

ЗУРАГТ УЧИР БИЙ

Б.Төрмөнх “Мон судар” хэвлэлийн газрын хүүхдийн номын редакцид хүүхдийн номын зураачаар ажилладаг. Дижитал зураг хурц тод өнгөтэй байдаг учраас зарим хэвлэлийн газрууд их ашигладаг. Харин манайх шороон будаг хэрэглэж, уламжлалт аргаар зурдаг. Учир нь шороон будгийн зураг хүүхдэд хаа нэгтээ харсан өнгийг мэдрүүлдэг учраас ийм зургийг хүлээж авахад хялбар. Дижитал зураг хийсвэр өнгөтэй, бодит мэдрэмжийг төрүүлдэггүй. Аав ээжүүд хөөрхөн, хурц, тод өнгөтэй зургийг сонгодог. Энэ бол хүүхдийн биш аав, ээжийн ном болно гэсэн үг. Мэдээж комик номууд дижиталаар зурагддаг. Гэхдээ бага насны хүүхдийн ном дижитал байх нь зохимжгүй. Хүүхэд есөн сартайгаасаа ном үзэх учиртай. Хулдаасан, даавуун, урагддаггүй ном гээд бяцхануудад зориулагдсан номууд олон. Ийм насны хүүхэд номын хуудсыг эргүүлж үзэх нь ном уншсанд тооцогдоно. Насны ангилал тус бүрдээ өөр хэрэглээтэй. Дугуй ирмэгтэй, хатуу хавтастай номууд хоёр настануудад зориулагдсан, амандаа үмхэх зориулалттай эд. Шороон будагтай ном нь гараар зурсан гэдгээрээ ялгардаг. Усан будаг болон гуаш нь ихэвчлэн байгаль дээрх бодит өнгө байдаг. Эцэг эхчүүд хүүхдэдээ зурагт ном сонгохдоо насны онцлогт тохируулна. Номын өнцөгт заасан насны тэмдэглэгээг анхаарна гэсэн үг. Дөрвөн настай хүүхдүүдэд зориулсан зурагт ном байлаа гэхэд энэ насныхан дүрээ, олон өнгийг ялгаж чадаж байна уу гэдгийг бид судалдаг учраас насны ангилал тавьдаг хэмээн Б.Төрмөнх ярьлаа.

ОЛОН ЦАГААР ЗУРАГТ ҮЗДЭГ ХҮҮХЭД НИЙГМИЙН ХАРИЛЦААНД ОРОХДОО АСУУДАЛТАЙ

Орчин үед номууд телевиз, ухаалаг утас болон кинотой өрсөлдөх болж байна. АНУ-ын Калифорнийн их сургуулийн эрдэмтэд орчин үеийн ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн бие, сэтгэхүйд хэрхэн нөлөөлдгийг судалжээ.

Зарим эцэг эхчүүд ой ч хүрээгүй хүүхдээ олон цагаар телевизийн өмнө суулгаж орхидог. Өнөө цагт эмээ, өвөөгийн ярьж өгдөг үлгэр, ээжийн бүүвэйн дууг ухаалаг төхөөрөмжүүд үгүй хийсэн хэмээн эрдэмтэд үзэж байна. Эрдэмтдийн явуулсан судалгаагаар өнөө цагт дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн 25 хувь нь хэл ярианы хөгжил дутмаг байгааг тогтоожээ. 1970-аад оны үед дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн зөвхөн дөрвөн хувь нь хэл ярианы сааталтай байлаа. Энэ бол техник технологийн дэвшлийн сөрөг үр дүн.

Судалгаагаар өдөр бүр хоёр цаг ба түүнээс олон цагийг зурагт, компьютерийн өмнө өнгөрүүлдэг хүүхдүүд нийгмийн харилцаанд оролцохдоо асуудалтай байгаа нь анзаарагджээ. Өнгөрсөн онд ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 3-5 насны хүүхдүүдийн 93 хувь нь долоо хоногт 28, өдөрт дөрвөн цагийн турш зурагт үздэг нь тогтоогджээ.

Учир нь эцэг эхчүүд хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд сайн гэж эндүүрэн, эсвэл зүгээр л хүүхдээ сатааруулах гэж зурагттай нөхөрлүүлдэг. Үнэндээ бол хүүхэд амьд харилцаан дунд хэл, яриаг суралцдаг шүү дээ. Бусадтай бага харилцаж, ихэвчлэн зурагт, компьютерийн өмнө чимээгүй сууж цагийг өнгөрүүлдэг хүүхэд бүрэг, өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг, үг ярианы хөгжил муу, нийгмийн харилцаанд орох дургүй болох гэх мэт сөрөг талтай.

Тиймээс бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, хамт ном уншиж, үнсэж, тэвэрч хамтдаа цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэц, хэл ярианы хөгжилд тустай. Хүүхдүүдийн хувьд амьдралынх нь эхний хоёр жил тархи хөгжих чухал үе байдаг. Иймээс олон цагаар зурагт үздэг, гар утсаар оролддог хүүхдүүдийн бүтээлч байдал, төсөөлөн бодох чадвар эрс буурдаг аж. Ийм хүүхдүүд оюун бодолдоо өөрийн гэсэн ертөнц бий болгох, ямар нэгэн үлгэрийн гол баатар болж өөрийгөө төсөөлөх зэрэг ургуулан бодох чадвар нь хөгжихгүй орхигддог байна. 0-3 настай хүүхдэд зурагт үзүүлэх, утас хэрэглүүлэхээс зайлсхий хэмээн мэргэжилтэнүүд зөвлөж байна. Дөрвөн настай хүүхэд өдөрт 15-20 минут, таван настай хүүхэд 35-40 минут, 6-7 настай хүүхэд өдөрт нэг цаг хүртэл зурагттай нөхөрлөж болохыг эрдэмтэд зөвшөөрсөн. Гэтэл манай зарим телевизүүд хүүхэлдэйн киногоо өдөрт нэг дор хэд хэдэн ангийг “бөөндөж”, нэгээс, хоёр цагийн турш угсруулж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, аль эсвэл хүүхдийн төлөө анхаардаг гэж хэлэхэд хэцүү л юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуурай жорлонгийн хувьсгалд нэгдэцгээе!

Шог зураач С.Цогтбаяр

“Япончууд нээрээ тасарчих юмаа. Нялх хүүхдийн памперст байгаа баас, шээснээс яаж бордоо гаргаж авахыг яриад уналаа шүү дээ…” хэмээн Ц.Оюунгэрэл Финляндаас жиргэж байна. Түүнийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байсан гэдгээр нь хүмүүс мэднэ. Харин сүүлийн үед “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөний санаачлагч, манлайлагч гэдгээр нь бүр ч олон хүн андахгүй болоод байгаа. Энэ эмэгтэй Финляндад болсон Дэлхийн хуурай жорлонгийн зургадугаар хуралд оролцсон юм. Орон орны жорлонгийн шинэчлэгчид нялх хүүхдийн живхэн дэхийг хүртэл “онгичиж”, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн “ялгадас”-ыг ч анхаарлын гадна орхиогүйг түүний өөр нэг жиргээнээс харж болно.

“Сарын тэмдгийн аяга! (Menstrual cup) Амыг нь чимхээд, үтрээ рүү хийчихээр ороод тэлж онгойно. Цус дүүрэхээр нь татаж гаргаад, асгаад, аягаа угаачихна. Үүнийг 10-15 жил хэрэглэдэг гэнээ. Хог хаягдалгүйгээр сарын тэмдгийн ард гардаг болсон гэнэ, Европт” хэмээн мань жиргээч сонирхуулав. Мөнөөх аяганы зургийг ч бас нийтэлсэн болохоор хүүхнүүдийн ярианы сэдэв боллоо. Монголд уг аяга аль хэдийнэ орж ирсэн агаад “Био амьдрал” хэмээх дэлгүүрт борлогдож эхэлснийг ч нэг нь дуулгасан. Ариун цэврийн хэрэглэлээс харшилдаг эмэгтэйчүүдийн хувьд таатай сонголт байж болох уг аяга хэтэвчин дэх хэдийг ч хэмнэх бололтой дог. Хүүхдийн памперс, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн хаягдал нь байгальд хамгийн удаан задардаг гэдэг утгаараа дэлхий нийтийн асуудал болоод буй. Нялх хүүхдэдээ даавуун живх хэрэглэж, угааж цэвэрлэвэл сайн ээж гэгдэхээс гадна памперсны хог хаягдлыг багасгах дэлхий нийтийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах юм. Харин эмэгтэйчүүдийн хувьд аяга мэтхэн ашиглаад, асуудлаа шийдэж болох дог.

Олон улсын хуралд оролцож буй манай төлөөлөгч хуурай жорлонд сууж, соёлыг түгээхээ ч мартсангүй.

“Хуурай жорлонд гурван өдөр бие заслаа. Өтгөн нь хар сав руу, шингэн нь цагаан сав руу цуглана. Цэвэрлэгч жорлонд үртэс хийнэ. Өөр нэг ажилтан дүүрсэн савыг сугалж гаргаад, бордоошуулагч руу өтгөнийг хийнэ. Яг тэр мөчид өмхий. Өтгөн ялгадас нь бордоошуулагч машинд 24 цаг болсны дараа хөвөн шиг зөөлхөн шороо болно. Бие зассан хуурай жорлонгоосоо гаргаж авсан бордоог гараар барьж үзлээ. Яг л ойн хөвд шиг зөөлхөн хар шороо гардаг юм байна!” хэмээн Ц.Оюунгэрэл соёлыг гайхжээ. Жорлонгийн ялгадсыг хурааж, цуглуулдаг газарт очиж хар, цагаан савнууд өрөөстэйг нүдээрээ харж, зургаар баримтжуулжээ.

Финляндад хуурай жорлонгоос цуглуулсан шээсийг зургаан сар хадгалаад, цөөрөм үүсгэж, дотор нь ашигтай замаг ургуулж туршиж байна. Шээсэнд буй ашигтай бүхнийг шингээн ургасан замгаар түлшний тос, био материал хийж туршиж байгаа гэнэ шүү.

Орчин үед дэлхийн хүмүүс улам бүр хомсдож байгаа нөөц баялгийг ариг гамтай хэрэглэхэд анхаарч буй. Чандмань эрдэнэ усыг чадлынхаа хэрээр гамнахын тулд Европт ус татдаггүй, хуурай жорлонд шилжих хувьсгал өрнөж буй. Манайхан ч “Жорлонгоо өөрчилье” гэсэн дээрээ нэгмөсөн хуурай жорлонгийн хувьсгалд нэгдчихмээр байгаа юм. Үгүй бол монголчууд жорлондоо цэвэр ус татдаг дэлхийн сүүлчийн улсаар тодорч магадгүй нь. Европт 4500 еврогоор зарагддаг шатаагч жорлонд шээс, өтгөн, бага зэрэг угаагч ус ч хамтдаа шатаагддаг гэнэ. “Монголд бол машины үнэтэй юм байна” гэсэн чинь “Ус их үнэтэй болох үед энийг хэрэглэх нь хямд санагдах болно” гэж хариулсан байгаа юм даа.

Усны хомсдол эхнээсээ зарим хотод нүүрлэж эхэлсэн. Өмнөд Африкийн Кейптаун хот Улаанбаатартай төстэй. Өндөрлөг газарт байрладаг, гүний усаар ундаалдаг. Нуур цөөрөм байхгүй. Эдгээр нөхөд энэ жил усгүй болоод, иргэдээ жорлондоо ус татахыг хориглож, усаа картаар олгодог болсон гэнэ. Кейптаунд ус тасармагц хүмүүс айлуудын бассейнээс ус хулгайлж, энд тэндгүй жорлон бөглөрсөн дуудлага тасрахаа больжээ. Ус огт байхгүй болох үед ямар дэглэм тогтоох талаар хотоороо хэлэлцэж эхэлсэн. Уснаас болж дээрэм, аллага гарахаас байнга сэрэмжлүүлэхэд хүрчээ.

Мэдээж хотынхон хуурай жорлонд шилжиж эхэлсэн.

Уул шугамандаа бол манай гэр хорооллын хашаан дахь модон жорлонгууд ч ус хэрэглэдэггүй болохоор хуурай жорлонгийн ангилалд багтах байлгүй. Хөрсөнд бохир нэвчүүлдэггүй бас суултууртай болгочихвол хуурай жорлонгууд ч хашаанаас гэрт дэвших боломж бий. Америк инженерийн зохион бүтээсэн мушгиа шахагчтай хуурай жорлонгийн жишээ “Жорлонгоо өөрчилье” номд байдаг.

Вашингтоны их сургуулийн профессор, инженер Чак Хенри эхнэрийнхээ хамтаар аялж зугаалах дуртай. Ингэж явахдаа жорлонгийн асуудалтай нутгийнхныг ажил муутайгаасаа болоод ийм заваан амьдарч байна уу даа хэмээн дүгнэдэг байснаа таарч тохирсон жорлон байхгүйг анзаарсан гэнэ. Ингээд арваад жилийн өмнө тэд “Амин чухал дадал” (Critical Practices) хэмээх байгууллага бий болгож, цахилгаан дэд бүтцэд холбогдоогүй газарт ус хэрэглэхгүйгээр хүний ялгадсыг бордоошуулдаг тав тухтай суултууртай жорлон урлажээ. Жорлонг байшин дотор суурилуулж болохуйцаар зохион бүтээсэн. Харин ялгадсыг нь хоолойн тусламжтайгаар гадагшаа шахаж гаргах бөгөөд өтгөн, шингэнийг тусад нь саванд хуримтлуулах ажээ. Жорлонгоо зорилтот бүлгийн төлбөрийн чадварт нийцүүлэхийн тулд бүх эд анги нийлээд 150 долларт багтаасан гэнэ. Өтгөн ялгадас унах хэсэгт ус татахын оронд механик хөшүүрэг татах агаад энэ үед суултуурын дэргэд байх савнаас үртэс, хуурай элс, нунтаг өвс сүрэл гэх мэт хуурайшуулагч жигд татагдан ирж өтгөнийг хучих юм байна. Түүний дараа хөлөөрөө өөр нэг хөшүүрэг дээр гишгэнгүүт ялгадсыг хөмрөн зайлуулах учиртай. Ялгадас зайлуулагч энэхүү хөмрөгч татагдах бүрт хусуур давхар ажиллаж, жорлонгийн тосгуурыг цэвэрлэнэ. Зайлуулагдсан өтгөн ялгадас урт бүдүүн хоолой руу орох бөгөөд хоолойд байрлах мушгиа шахагч буюу энгийнээр тайлбарлавал махны машинд байдагтай адилхан могой араа нь хөл татуурга ажиллахад ялгадсыг тээвэрлэж, хоолойн нөгөө үзүүрт байх уут саванд хүргэнэ. Уут сав дүүрэнгүүт шинийг сольж тавьдаг. Зургаан сарын дараа уутан дахь түүхий эдийн бүх нян үхэж дуусаад, бүрэн ялзмагжиж бор шороо шиг өнгөтэй бордоо болдог байна. Уут савтай ялгадсыг бордоо бэлтгэдэг газарт өгч, түргэн ялзмагжуулах, халаах замаар нянг богино хугацаанд эрчимтэй устгаж, үүнээс ч богино хугацаанд бордоо үйлдвэрлэж болох юм. Харин жорлонгийн шээс цуглуулах хэсэг нь жирийн канистртай холбогддог. Шээс ч мөн ногооны талбай, мод зүлэгний бордоо болно. Алслагдмал, дэд бүтэц хөгжөөгүй газарт жорлондоо их мөнгө зарцуулж чадахгүй өрхүүдийг байгальд ээлтэй жорлонтой болгох тэдний санааг Билл ба Мелинда Гейтс нар олзуурхан дэмжиж, бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулж, 2011 онд тэтгэлэг олгожээ.

Жорлонгийн санхүүжилт огт байдаггүй ч бас биш юм аа.

Хятадад өрнөж буй жорлонгийн хувьсгалын тухай Дэлхийн хуурай жорлонгийн хурлын үеэр ч яригджээ. Урд хөршийнхөн маань Бээжингийн төвд смарт жорлон хийхдээ хагас сая доллар зарцуулсан гэнэ шүү. Өрхүүддээ зургаан төрлийн жорлонгийн стандарт баталж өгчээ. Билл ба Мелинда Гейтсийн сан Хятадын жорлонгийн хувьсгалд санхүүжилт өгч, жорлонгийн шинэ шийдлийн уралдааныг нь ивээн тэтгэсэн гэнэ шүү.

Монголын төлөөлөгч уг хурлын үеэр “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийхөө тухай танилцуулаад, алга ташилтаар мялаалгасан байна. “Жорлонгийн асуудлыг хамгийн секси аргаар олны анхааралд оруулсан гэж Финляндад зарлагдсан гэнэ шүү. Дахин ярих урилга авч, Капитрон банкны “Эко жорлонгийн зээл”-ийн талаар танилцуулсан чинь нэг сонсогч “Капитрон банк Киргизэд салбартай юу” гэж лавласан гэнэ лээ.

Дарханд Германы Момо II төслийн хүрээнд гэр хорооллын иргэдийн жорлонгийн ялгадсыг тусгай саванд хураан авч, метан хий үйлдвэрлэх туршилт хийгдэж байсан ч хүйтнээс болоод зогссон. Харин америк жүжигчний үүсгэн байгуулсан “WeLove” төрийн бус байгууллага өвлийн хүйтэнд индианчуудын тэмцэл жагсаалын үеэр био-уутанд ялгадас цуглуулаад, чингэлэгт хадгалж байгаад, хавар нь ялзмагжуулсан ажээ.

Хөлдөөдөг жорлон ч бас байна. Цахилгаанд залгаж, жорлонгийнхоо “хөргөгчийг” ажиллуулдаг. Үнэргүй, ус хэрэглэхгүй, агааржуулагч шаардлагагүй гэнэ шүү. Био-задардаг уутанд өтгөн, шингэнээ хөлдөөгөөд, дүүрэхээр нь био бордоо үйлдвэрлэгч рүү хийчихнэ. Био задрал явагдаж сарын дараа шороо болчихно. Энэ мэт жишээ өвлийн улиралтай Монголын нөхцөлд ч жорлонгоо өөрчлөх урам зориг өгч байна. Хүний өтгөн шингэн ялгадас үнэндээ био түүхий эд учраас асуудал биш нөөц баялаг гэж тооцогддог болжээ.

Засгийн газрууд жорлонд мөнгө цутгасан ч амжилтад хүрээгүй жишээ бас бий. 1992 онд Эл Сальвадорийн Засгийн газар хэдэн мянган жорлон барихын тулд 10 сая ам.доллар зарцуулсан юм. Эдгээр нь хүний ялгадсыг бордоо болгох зориулалттай байв. Бордоо үйлдвэрлэхийн тулд ихээхэн ажиллагаа шаардагдах байсан ч Засгийн газар энэ төслөө хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэддээ мэдээлэл хүргэж, саналыг нь асуугаагүй учраас иргэд нь жорлон яаж ажилладгийг ч ойлгоогүй өнгөрчээ. Төсөл дууссаны дараа Засгийн газраас жорлонгийн ашиглалтыг судлахад зарим газар үнэтэй жорлонг огт ашиглаагүй байв. Жорлонг төлөвлөхөд иргэдийг оролцуулбал тэдний хэрэгцээнд илүү нийцнэ.

Хан-Уул дүүргийн V хороонд амьдардаг Ц.Жаргалсүрэн гэдэг эмэгтэй “Жорлонгоо өөрчилье” сургалтын үеэр ярихдаа “Бид өнгөрсөн хугацаанд янз бүрийн жорлон судалсан. Бидний амьжиргааны түвшинд нийцсэн шийдэл хэрэгтэй” гэж ярьсан юм. “Жорлонгоо өөрчилье” сургалт зохион байгуулсан “Нутгийн шийдэл” ТББ-ын тэргүүн Ц.Оюунгэрэл хэлэхдээ “Нэг айл, нэг хэсэг айл жорлонгоо өөрчилсөн ч жорлонгоо өөрчлөхөд мөнгө гаргах боломжгүй хэсэг нь үлдчихвэл хөрс бохирдсоор байх болно. Тийм учраас бүх айл хүлээж авахаар технологийг сонгох учиртай. Хүн төлбөр хямд, хүртээмжтэй жорлонг хүлээж авдаг. Жорлонгоо өөрчлөхийг хүсч байгаа гэр хорооллын айлууд олуулаа хамтарч, зохион байгуулалтад орвол амжилтанд хүрнэ” гэж зөвлөсөн. Мянган айлд жорлон барьж, үйлчилгээ үзүүлнэ гэвэл орон нутагт шинэ зах зээл бий болно шүү дээ.

Жорлонгоо өөрчлөхөд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Хуурай жорлонгийн хувьсгалд нэгдэцгээе!