Categories
мэдээ цаг-үе

Н.Хүлгэн: Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй байдаг

-ИРЭХ ОНД 12 ДАВХАР ҮНДЭСНИЙ НОМЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРНО-

Номтой нөхөрлөе” клубийг үүсгэн байгуулагч Н.Хүлгэнтэй ярилцлаа.

-“Номтой нөхөрлөе” клубийг яагаад байгуулах болсон талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Их сургуулиа төгсөөд ажлын гараагаа Монголын залуучуудын холбооны судалгааны багаас эхлүүлж байлаа. Энэ нь оюутан байх үеэсээ л бусдын эрх ашгийг хамгаалахын төлөө санаа тавьдаг, нийгмийн идэвх сайтай оюутан байсантай холбоотой байх. Бид залуучуудад тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанч үүднээс судалсан. Монголын арван иргэн тутмын долоо нь залуу учраас тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэл Монгол Улсын асуудлыг шийдчихэж байгаагаас ялгаагүй. Өнөөдөр залууст архидалт, гэр бүл салалт их байна. Орон сууц худалдан авах хөрөнгөгүйгээс гадна чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх газаргүй зэрэг тулгамдсан асуудлууд үүсээд байгааг тогтоосон юм. Энэ асуудлууд бүгд хоорондоо холбоотой. Ажилгүй хүн архи ууна, архи уудаг хүн гэр бүлгүй. Гэр бүлгүй хүн хувийн орон сууцтай болж, амьдралаа төвхнүүлэх сонирхолгүй байх нь мэдээж.

Монголын залуучуудын холбооны гишүүн залуустайгаа хамтран эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн. Ингээд залуусыг чөлөөт цагаа боловсон өнгөрүүлдэг болгох тал дээр анхаарч ажиллахаар болсон. Оюутан залуус тэр бүр кино театраар үйлчлүүлж, тэнд попкорн идэж, кола уугаад байхгүй. Тэгээд ч сардаа хэдхэн шинэ кино нээлтээ хийдэг шүү дээ. Спортоор хичээллэе гэхээр дунд сургуулиудын биеийн тамирын заалыг томоохон компаниуд бүтэн жилээр түрээсэлчихсэн байсан. Гэтэл статистикийн газрын судалгаагаар 2012 онд Улаанбаатарын төв хэсэгт л гэхэд 10 мянга гаруй архи зарах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүр ажиллаж байсан. Түүнээс гадна арав алхам тутамд мөн тооны ресторан, паб бий. Тиймээс залуусын чөлөөт цагийг боловсон өнгөрүүлэх альтернатив маягийн клуб байгуулах санаа төрж, 2012 оны сүүлээр”Номтой нөхөрлөе” клубээ байгуулсан. Мөн клубийнхээ фейсбүүк группыг нээсэн. Эхэндээ би өөрөө өөртөө юм бичээд, түүнийг нь залуус ойшоохгүй байгаа юм шиг санагддаг байсан. Харин өнөөдөр манай фейсбүүк группт 100 мянга гаруй залуус нэгджээ. Анхандаа зөвхөн би уншсан мэдээг оруулдаг байсан бол өдгөө номын хэлэлцүүлэг, дуудлага худалдаа, номын солилцоо группт маань болохоос гадна нэгнээсээ зөвлөгөө тусламж ч авч болно. Ингэж цахим ертөнцөөр дамжуулж залуусыг номтой нөхөрлүүлж, ном уншдаггүйг нь номонд дурлуулах гэж, ном уншдаг залуусыг нь хооронд холбож, мэдээлэл солилцуулахын тул сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд маш идэвхтэй суртал ухуулгын ажлуудыг хийлээ.

Танай клубийг бямба гариг бүр уулзалт зохион байгуулж, шилдэг номын талаар ярилцдаг гэж сонссон юм байна?

-Үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл бямба гариг бүр номын уулзалт буюу бага хуралдай зохион байгуулсаар ирсэн. Эхэндээ бид зөвхөн өөрсдийн уншсан шилдэг ном зохиолын талаар ярилцдаг байсан бол өдгөө оюун ухаанаараа нийгмийнхээ түүчээ болсон эрхмүүдтэй уулзалт зохион байгуулдаг болсон. Нөгөөдөр буюу энэ сарын 31-нд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайтай залуусыг уулзуулахаар болсон. Өмнө нь СГЗ, нэрт зохиолч Г.Мэнд-Ооёо, Пост панк яруу найрагч Б.Галсансүх, УИХ-ын гишүүн С.Ганбаатар зэрэг 30-аад эрхмүүдтэй клубийнхээ гишүүдийг уулзуулж байлаа. Монголынхоо оюун санааны түчээлэгчдийн илтгэл, лекцийг сонсоод гарах бүрт цээжинд халуу шатдаг юм. Тэр нь энэ сонссон, мэдсэнээ гудамжинд сэлгүүцээд, баар сав хэсээд явж байгаа залуустаа хэлэхийг, тэд нарыг эгнээндээ элсүүлэхийг эрмэлзэх болсон. Тиймээс уулзалтууд маань маш их үр дүнтэй болсон гэж бодож байна.

Үүнээс гадна танай клубийн зүгээс “Шинэ жилийн шидэт ном” сайн үйлсийн аяныг үүсгэн байгуулагдсанаасаа хойш тогтмол зохион байгуулсаар ирсэн байх аа?

-Өнгөрсөн хугацаанд 50 гаруй мянган номыг хандивын аянаараа цуглуулсан. “Шинэ жилийн шидэт ном” хэмээх сайн үйлсийн аяныг сүүлийн гурван жил дараалан оны сүүлчийн өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд зохион байгуулсан. Баярын өдрөөр эмнэлэгт хүүхэлдэйн киноны баатрын хувцас өмсч ороод, өвчин туссан хүүхдүүдийг хөгжөөж баярлуулан, бэлгэнд нь ном өгөхөөр тэд маш их баярладаг. Баярын дараахан “Хүүхдийг минь өвчин зовлонтой байхад хүүхэлдэйн баатрын дүрээр эмнэлэгт ирж, ном бэлэглэж, хөгжөөнт тоглоом тоглуулсан тань бие нь эдгэрэхэд маш их дэм боллоо. Хамгийн гол нь хүүхэд маань ном унших дуртай болсон” гэсэн урмын үгтэй олон захидал ирсэн шүү. Үүнээс гадна эрх чөлөөгөө хасуулсан хүүхдүүдэд хүртэл хорих анги дээр нь очиж ном тарааж байсан. 2013 оны олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хорих ангид ял эдэлж байгаа эхчүүд эмэгтэйчүүддээ 600 ном, 600 сарнай бэлэглэсэн.

Ер нь манай клуб байгуулагдаж, фейсбүүк групп нээгдсэнээр олон залуусыг ном уншуулахын тулд ятгаж чадсан. Манай гишүүд дунд ном уншихыг эрмэлздэг хэрнээ ямар номноос эхлэхээ мэдэхгүй олон залуус байсан. Ямар ч өгөөжгүй, сонирхолгүй ном уншвал мөнгө, цагаа дэмий үрэхээс гадна дахин ном унших хүсэл төрөхгүй л болов уу. Тиймээс клубийн зүгээс тэдгээр залууст ямар мэдээ мэдээллийг дэлгэрэнгүй мэдэхийг хүсэж байгаагаас гадна уран зохиолын ямар төрлийн ном зохиол унших сонирхолтой гэдгийг нь мэдсэний үндсэн дээр тэдэнд “тохирох” номыг санал болгодог. Эсвэл фейсбүүк групп дээрээ уншсан номынхоо талаарх сэтгэгдэл, санал шүүмжлэлийг гишүүд маань нээлттэй бичдэг учраас тэндээс өөрийн уншихаар төлөвлөсөн номоо үр өгөөжтэй эсэхийг мэдэж болно. Ер нь клубийн зүгээс залуу хүний уншвал зохих 10 номын жагсаалтыг удахгүй гаргана. Цаашлаад унших ёстой биш уншвал зохих гэх нэрийн дор 100 номын жагсаалт гаргана.

Хүүхдэд багаас нь ном унших дадал хэвшүүлэх, номонд дуртай болгохын тулд яах ёстой вэ?

-Эцэг эхчүүд “Хүүхдээ яаж ном уншуулдаг болох вэ” гэж их асуудаг. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрснөө ном уншдаг байж хүүхэд түүнийг нь үлгэрлэн дагана уу гэхээс өөрснөө ном уншдаггүй байж хүүхдээ ном унш гэж шаардвал утгагүй хэрэг. Гэхдээ хүүхэд ном уншиж суух нь бус ямар ном, юу унших нь чухал учраас номын агуулгад томчууд анхаарлаа хандуулах ёстой. Хүүхдийн номын агуулгад Социализмын үеийнх шиг цензур хэрэгтэй байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд бичиг илгээхээр төлөвлөсөн. Ер нь одоогоос арав гаруйхан жилийн өмнө хүүхдүүд Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” зохиолоор дамжуулж хүрээлэн буй орчноо таньж мэддэг байсан бол одоо “Уолт Дисней”-н эсвэл “Миша Маша хоёр” зэрэг хүүхэлдэйн киногоор дамжуулж ертөнцтэй танилцаж байна.

Интернэт, телевизор, радио зэрэг мэдээ, мэдээлэл олж авах асар олон суваг бий. Гэсэн ч ном байр суурь, үнэ цэнээ алдалгүй өнөөдрийг хүрсний гол нууц нь юунд байна гэж та үзэж байна вэ?

-Өмнөх үеийнхээ ололт амжилтыг дараагийн үедээ өвлүүлэх маягаар үргэлж хөгждөг учраас хүний нийгэм урагшилдаг. Амьтнаас ялгагдах гол онцлог нь ердөө л энэ. Хүн төрөлхтний түүх бол урагш үргэлж тэмүүлсэн хөгжлийн түүх. Тэрхүү түүхийн амьд гэрч нь ном. Яагаад гэвэл хүн төрөлхтний бүхэл бүтэн хөгжил дэвшлийн түүхийг номноос уншиж мэдэж болно.

Номноос олж авдаг шиг гүн гүнзгий өргөн дэлгэр мэдээ, мэдээлэл, мэдлэгийг цахим ертөнцөөс олж авч чадахгүй. Хамгийн гол нь номноос уншсан, ойлгосон бүхэн мэдлэг болон хуримтлагддаг бол интернэтээс олж авсан, твиттерээс уншсан мэдээ хэрэгцээтэй байх нь тун ховор учраас хэн нэгний амнаасаа гаргаж хаясан шүлстэй хоолыг идэж, газраас хог түүж идэж байгаагаас ялгаагүй. Цахим ертөнцөд хүний тархи угаах гэсэн явуулга гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээлэл ихээхэн байдаг. Ном уншдаггүй хүн сэтгэдэггүй болохоор тархины дархлаагүй гэсэн үг. Дээр нь номноос тухайн сонирхсон сэдвээр чинээнд нь тултал мэдлэг мэдээлэл авна. Телевиз сайн үйлчлэгч муу багш бол ном муу үйлчлэгч сайн багш. Ганц ном хувь хүн бүү хэл улс үндэстний хувь заяаг өөрчилсөн түүх бий шүү дээ.

Хоёр жилийн өмнө танай клубийн зүгээс Чингэсийн талбай дээр “Чимээгүй хашгираан” хэмээх суулт хийж байсан. Чухам ямар зорилгоор энэ суултыг зохион байгуулсан юм бэ?

-Өнөөдөр сая гаруй хүн амтай Улаанбаатар хот хэдэн номын сантай байна вэ? Цөөн хэдхэн номын санд нь сүүлийн үеийн, хэрэгцээтэй ном тун цөөн бий. Өнгөрсөн хугацаанд засаг ээлжилж барьсан төрийн түшээд нэг ч номын сан бариагүй хэрнээ 10 мянган баар, ресторанд архи зарах зөвшөөрөл олгосон. Азийн бар улс болно гээд баар улс болсон шүү дээ. Энэ байдлыг эсэргүүцэн “Номтой нөхөрлөе” клубээс 2013 онд Чингэсийн талбайд суулт хийж, тэнд ном уншсан. Үүний үр дүнд Сүхбаатар Дүүргийн долдугаар хороо буюуАНУ-ын элчингийн хажууд 11 тэрбум төгрөгийн өртгөөр 12 давхар Үндэсний номын ордон баригдахаар болж, шаваа тавьсан. Ирэх онд ашиглалтад орох ёстой. Түүнчлэн Монгол Улсын түүхэнд анх удаагаа “Номын Сангийн Тухай Хууль” УИХ-д өргөн барилаа.

Сар шинийн баярыг угтан номын хямдралтай худалдаа зохион байгуулна гэсэн байх аа?

– Ном хэзээ ч үнэ цэнээ алддаггүй. Ном уншдаг хүн үргэлж ухаарч, гэгээрч бас мэдлэг оюунаа тэлж боловсролоо дээшлүүлдэг. Гэтэл ийм зүйлийг хямдруулна, хямдхан зарна гэдэгтэй би санал нийлдэггүй. Зун нь зарагдаагүй ботинкийг өвөл борлуулах гэж, хадгалах хугацаа нь дуусах дөхчихсөн хүнсний бүтээлдэхүүн бөөнд нь зарах гэж, чанар муутай барааг өндөр үнээр зарах гээд бүтэлгүйтсэн үедээ хямдрал зарладаг гэж би ойлгодог. Номыг эдгээр бараатай харьцуулж, жиших үнэхээр утгагүй. Харин хүн тоож уншихааргүй муу номын тэнгэрт хадсан үнийг агуулгынх нь хэмжээнд хүртэл хямдруулж болно.

Ер нь зөвхөн Цагаан сар гэлтгүй баяр болгоноор хамгийн эрэлттэй бараа, бүтээгдэхүүн нь архи дарс болчихдог. Баяр тэмдэглэсний маргааш согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өчнөөн хүн осгож, автомашины осолд өртөж эсвэл хэрэг төвөгт орооцолдох зэргээр эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Тэдгээрийн дийлэнх нь залуучууд байдаг нь тун харамсалтай. Тиймээс Сар шинийн баяраар нэгэндээ бэлэг бэлгийн дээд номоо бэлэглэе гэсэн уриалга гаргасан. Өөрт хэрэггүй, өрөөлд ч ашиггүй Хятадын шампунь, сандаал, нусны алчуур хоорондоо дамжуулж, Хятадын үйлдвэрүүдэд хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхийн оронд нэгэндээ ном бэлэглэж, цэцэн оюун бэлэглэхийг манай клубийн зүгээс уриалж байна. Тиймээс Цагаан сарын баярыг угтан номын хямдралтай бус харин өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Ярилцлагын төгсгөлд та залуустаа хандан юу хэлэх вэ?

-“Уншигч хүн үргэлж хождог”, “Өнөөдрийн уншигч маргаашийн удирдагч”, “Уншиж байгаа бол сэтгэж байна гэсэн үг” гэсэн үгээр ярилцлагаа өндөрлөе дөө.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Бодибилдингийн спортын түүчээ болсон “Терминатор”-ууд

Мустанг клубийн нэрэмжит Бодибилдингийн тэмцээний үеэр. 2000 он Бодибилдингийн спортын төрөлд тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгаж яваа “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн 2002 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Хамгийн сүүлд гэхэд эдний ангийнхнаас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн Мумбай хотноо зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс ОУХМ Г.Жамц мөнгөн медаль, ОУХМ Ч.Мянганбилэг хүрэл медалийн эзэн болсон юм. Хамгийн сонирхолтой нь дэлхийн аваргын энэхүү тэмцээнд оролцоход тэдний бэлтгэлийг нь хангуулсан багш дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар хүртэл тэдний анги. Бусад нь ч мөн мэргэжлээрээ хөдөө орон нутагтаа багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа гэнэ.

“Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль байгуулагдсан цагаасаа буюу 1997 оноос Монголдоо анхлан бодибилдингийн багш дасгалжуулагч мэргэжлээр элсэлт авч эхэлжээ. Ийнхүү Терминатор шиг биетэй болохын хүслэн болсон туранхай бор хөвгүүд1998 онд дээд сургуулийн босгоор алхаж оржээ. Энэ тухайгаа тэд “Ангийнхан дундаас Г.Ганбаатар маань л хотынх. Бусад нь хөдөөнийх. Хөдөөд бодибилдингийн спорт, домогт тамирчдын талаар үзэж харах ном товхимол бүү хэл сурах бичиг нь хүрэлцээ муутай байлаа шүү дээ. Интернэт, компьютер бол сураггүй байсан үе. Харин преставкаар хааяа кино үзнэ. Суманд ганц хоёрхон айл преставкатай. Гэтэл тэрэнд тоглуулах кассет нь олдохгүй ээ. Хот руу таньдаг найз нөхөд, хамаатан садандаа кино захина. Хэн нэгэнд нь хотоос кино ирвэл преставкатай айлдаа бөөнөөрөө цуглаж байгаад үзнэ.

Ингэсээр хэд гурван кассеттай болчихно оо. Тэдэн дотроосоо “Терминатор” киногоо өдөр бүр уйдалгүй үзнэ дээ. Бүр заримдаа өдөрт хоёр гурван ч удаа үзнэ. Тэгээд хөвгүүд нь бүгд Шварценнегер шиг бие хаатай болохын мөрөөдөл болсон улс байлаа” гэцгээв. Тэгтэл А.Эрдэнэсүрэн “Та нар терминатор шиг болохыг хүсдэг байсан бол би Жон Клот Вандам шиг бие хаатай болохыг хүсдэг байсан. Одоо бол бие хаа адилхан болсон байгаа биз дээ. Царай нь хүртэл адилхан. Хэн нэгэнд нь улаан даавуу байвал гаргаад ир. Үсээ боочихвол яг даа” гээд бусдыгаа хөгжөөв.

Тэднийг оюутан байх үед “Тайхар”, “Хар ирвэс”, “Икс макс”, “Мустанг” зэрэг хэдхэн фитнесс клуб ажилладаг байж. Тэд хоёрдугаар дамжаанд суралцаж байх үеэс “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургууль “Мустанг” клубтэй хамтарч ажиллах болсноор тус клубт дасгал сургуулилтаа хийдэг болжээ. Зарим нь гуравдугаар дамжаанаасаа тус клубийн нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцох болжээ. Ангийнхнаас нь хамгийн анх Г.Жамц, М.Энхболд, Ч.Мянганбилэг, М.Вандан, Г.Ганбаатар болон А.Эрдэнэсүрэн нар “Мустанг” клубийн хоёр жилийн ойн бидибилдингийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, олны өмнө гарч байжээ. Энэ үеэс тэд ирээдүйн хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж, багаараа тусгай байрт шалгарчээ. Тийм ч учраас дараа жилийнх нь тэмцээнээс Г.Ганбаатар түрүүлж, Г.Жамц мөнгөн медаль хүртэж байжээ. М.Энхболд “Оюутан байхдаа багш дасгалжуулагч нарынхаа заавраар бэлтгэл сургуулилтаа хийнэ. Гарын авлага, сурах бичиг ховор учраас тухайн үедээ Оросын бодибилдингийн аваргуудын дасгалаа хийж буй зурагтай номыг харж дасгалаа хийдэг байсан. Уураг олдохгүй. Тэгээд ч өндөр үнэтэй болохоор сургууль дээрээ 50-ийн ундаагаа уугаад, 100 төгрөгийн гөөхийгөө идэж аваад бэлтгэлдээ гарна даа. Гэртээ бол лапша, цуйвангаа иднэ. Оюутан хүүхдүүдэд хэдэн арван кг-аар нь тахианы цээж мах, сагс сагсаар нь өндөг худалдаж авч чадахгүй. Ингэж идэх юм худалдаж авах нь бүү хэл автобусанд туулайчилдаг байлаа. Гэсэн ч амжилт гаргаад л байдагсан” гэвэл “Нээрээ автобус гэснээс нэгэн хөгжилтэй явдал санаанд орчихлоо” гэсээр М.Вандан ярианд оролцов. Тэрээр “Хөлний булчин чангаруулах дасгал хийсний дараа автобусанд бууж сууна гэдэг амаргүй байдагсан. Автобусны буудал орох санаатай хөлөө зөөж ядан, паацганан явахад хүмүүс их гайхдагсан. Хажуугаар зөрөх зарим нь “Энэ нэг юм чинь өдий том болчихоод өмдөндөө баачихсан юм уу даа” гэж ирээд л сүрхий эргэж хардагсан. Автобусныхаа шатаар гарах гэж 80 гарсан хөл муутай өвгөн шиг мацаж гарна. Автобусанд ороод хэсэг зогссоны дараа өвчин нь мэдрэгдэхээ больчихно. Тэгэнгүүт нэгнээсээ өрсөх гээд үсрээд буунгуут тамиргүй болсон хөл чинь өвдгөөрөө өөрийн эрхгүй нугалараад, ойчоод өгнө. Ингэж мөн ч олон удаа хувцсаа шороо тоостой хутгаж билээ. Бүр эрчтэйхэн шиг үсэрвэл газар хэд хэд эргэлдэнэ гээч” гэцгээгээд инээлдэцгээв.

Оюутан байхдаа тэмцээн уралдаанд орохын тулд биеийн крем олох гэж бөөн юм болдог байж. Шоколадан бор өнгөтэй зориулалтын биеийн крем түрхэхгүй бол булчингийн ялгаралт харагдахгүй. Тиймээс олдсон жаахан түрхлэгээ уруулын будаг, вазелинтай хольж арвилдаг байж. Үүнийг ангийнхан дундаасаа Г.Ганбаатар гардан хийдэг байж. Тэрээр “Бараг л будгийн мэргэжилтэн болсон шүү. Бор крем олдохгүй бол шар улааныг хольж бор өнгө гаргана. Вазелинтай хольж их болгоно шүү дээ” гэсэн юм.

Н.Буянтогтох “Дуу цөөтэй, гүндүүгүй болохоор нь Ч.Мянганбилэгээрээ манай ангийнхан их тоглоом хийнэ. Мянгаа маань ч тоглоом их даана. Тэгсэн нэг өдөр Мянгаа маань шинэ пүүз өмсөөд сургууль дээр ирчихэж. Тэрнийг нь бид нар анзаарсангүй. Хичээл тараад бөөнөөрөө сургуулийн хашаагаар гарсан чинь Мянгаа “Ийшээ явах уу, тийшээ явах юм уу” гээд гар нь хөдлөхгүй, хөл нь гозгоноод байж билээ. Тэгсэн М.Вандан шинэ гутлыг нь анзаараад “Яаая, манай Мянгаа ориг пүүз авчихаж. Та нар хараагүй юм уу. Тэгээд л түрүүнээс хойш ангийнхныг ийш тийш нь дагуулж яваад байсан юм байна шүү дээ. Одоо л ойлголоо” гэж ирээд л тоглоом наргиа хийж билээ. Ер нь гүндүүгүй болохоор нь Мянгаагаараа их тоглоом хийнэ ээ. Манай хүн ч тоглоом сайн даана” гэв. Т.Батбаяр “Гүндүүгүй ч гэсэн Мянгаа маань их адтай шүү. Урлагийн үзлэгээр бол ангийнхныгаа чирээд гардаг шүү дээ. Гуравдугаар дамжаанд байхдаа урлагийн үзлэгээр бүгдээрээ эмэгтэй болж, хошин жүжиг тоглосныг санаж байна уу. Тэгээд хөхөвч зүүгээд дотор нь оймс, трико чихээд төмбийлгөж байсансан. Хошин жүжгээ толилуулж дуусаныхаа дараа бүгд эгнэж зогсож байгаад дуулна. Энэ хооронд Мянгаа гар дээрээ явж байгаад дууны төгсгөлд шпагет суухаар зохиомжилсон байсан. Тэгсэн чинь төгсгөлд нь Мянгаа А-гаар суусан чинь богино юбка доороос дотуур өмд нь шууд ил гарчихдаг байгаа. Үзэгчид нир хийтэл инээлдээд явчихсан. Бэлтгэл дээрээ өөрсдийнхөө хувцастай байсан болохоор тэрийгээ ер анзаараагүй байх. Гэхдээ л манай анги түрүүлсэн” хэмээн өгүүлэв.

Гурван жилийн өмнө спортын мастер Г.Ганбаатар, Г.Жамц нар “Perfect body” хэмээх бодибилдинг, фитнесийн клубийг ажиллуулж эхэлжээ. Үүсгэн байгуулагдаад удаагүй хэдий ч өнгөрсөн жилийн Улаанбаатар хотын бодибилдингийн шилдэг клубээр шалгараад амжжээ. Г.Ганбаатар “Биднийг оюутан байх үед ихэвчлэн мэргэжлийн тамирчид л тогтмол бодибилдингээр хичээллэдэг байснаас гадна энэ нь зөвхөн эрчүүдийн спорт мэтээр ташаа ойлгодог байлаа. Одоо бол тэс өөр. Яагаад гэвэл энэ спорт зөвхөн мэргэжлийн тамирчдаас гадна эрүүл мэндэд маш тустай гэдгийг ойлгосон учраас иргэд тэр дундаа залуус идэвхтэй хичээллэх болсон. Түүнчлэн Монголд бодибилдинг, фитнесийн спорт үүсч хөгжөөд 20 гаруйхан жил болж байгаа хэдий ч нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд дэлхийн хэмжээний амжилт гаргаж чадсан. Монголын тамирчид 2014 оны дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн тэмцээнээс аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртсэн бахдам амжилтын эзэд болсныг бүгд мэдэж байгаа. Төрөл, жин тус бүрт улс орон бүрийн шилдгийн шилдэг 20 гаруй тамирчин оролцдог. ОУХМ Ж.Нурлан мастер ангилалд алт, 85 кг жинд хүрэл, Хүсэлтүвшин фитнесс ангилалд мөнгөн медаль авснаас гадна ангийн анд ОУХМ Г.Жамц, Ч.Мянганбилэг нар мөнгө, хүрэл медаль хүртсэнд сэтгэл өндөр байна” хэмээн дасгалжуулагч, спортын мастер Г.Ганбаатар даруухан өгүүлтэл Г.Жамц “Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Бид хоёрыг энэ хэмжээний амжилт гаргахуйц сайн бэлтгэл хийлгүүлсэн хүн нь манай Ганбаа. Оюутан ахуйгаасаа өдийг хүртэл арав гаруй жил нөхөрлөж, нэгнийхээ бэлтгэл сургуулилтыг хийлгэсээр ирлээ” гэв. Ч.Мянганбилэг “Би 2002 онд сургуулиа төгсөөд хувийн бизнесээ хөөх болсон. Тэгтэл 2012 онд хоёр найз маань клуб байгуулж байгаагаа дуулгаад намайг тамирчин нь болохыг ятгасан. Ингээд сүүлийн хоёр жил Г.Ганбаатарынхаа удирдлага дор шаргуу бэлтгэл хийсний дүнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авлаа. Бэлтгэл хийж эхлэх үед Ганбаа маань “Монголдоо бүү хэл тив дэлхийд нээрээ дуурсгасан тамирчин болох ирээдүй чамд бий гэхэд “Надаар битгий тоглоом хийгээд бай. Улсын аваргаас медаль хүртэж байвал болох нь тэр” гээд ойшоодоггүй байсан. Ингээд л багш, андынхаа удирдлага дор, шаргуу хичээллэсний дүнд дэлхийн аваргын 55 кг-ийн жинд хүрэл медалийн эзэн болсон” гэсэн юм.

“Ер нь бодоод байхад нэг ангийн андууд дэлхийн аваргын бодибилдингийн тэмцээнээс медаль хүртсэн анхны тохиолдол энэ байх шүү. Ангиас хоёр, гурваараа бүү хэл ганц нь л улсын аварга болсон нь тун цөөн. Бусад спортыг бодвол хоолны дэглэмдээ маш анхаарах хэрэгтэй. Илчлэг багатай хоол идэж, маш их хүч чадал шавхсан дасгал хийж, илүүдэл өөхөө шатаадаг” хэмээн С.Наранбаатар хэлтэл бүгд толгой дохин “Нээрээ ч тийм байх шүү” гэцгээв.

Тэд хэзээний эвтэй, нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй болох нь тэдэнтэй хөөрөлдөн суух мөчид өөрийн эрхгүй мэдрэгдсэн юм. Уулзалтдаа ирж амжаагүй нэгийнхээ хаана юу хийж явааг сонссон нэг нь бусдадаа дуулгана. “Ажил төрөл нь ахицтай, сайн байгаа гэж дуулдсан. Саяхан надтай холбоо барьсан” гэвэл “За ашгүй дээ” гэцгээн бусад нь чин сэтгэлээсээ талархана. Харин “Тэр маань л жаахан ажил төрөл нь базаахгүй сурагтай байна лээ” гэвэл бусад нь “Хэдүүлээ тэгвэл яаж туслах уу. Ажил төрөлгүй байгаа бол миний хамаатны ах сургуульдаа биеийн тамирын багш дасгалжуулагч авна гэсэн шүү. Өөр бас бус ажлын зар харагдсан шүү” гэцгээн санаа нь зовнино.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Кашмерин гоёлын дээлийг хосоор нь 320-350 мянган төгрөгөөр худалдаалж байна

Сар шинийн баяр 20 гаруйхан хоногийн дараа болох нь. Билгийн тооллын шинэ оноо угтах энэ л баяраараа бид үндэсний дээл хувцсаараа дэгжирхэн гоёдог уламжлалтай. Тиймээс үндэсний дээл хувцасны үнэ ханш ямар байгааг сурвалжлахаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорилоо.

Даваа гаригт буюу өчигдөр “Сандей” худалдааны төв амардаг учраас “Нарантуул” зах хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Тэр дундаа захын баруун хойно байрлах үндэсний дээл хувцас борлуулдаг хэсэг бүр ч их хүнтэй харагдлаа. Худалдан авагчид ихэвчлэн гэр бүлээрээ явж байсан бөгөөд эхнэр нөхрүүд өөрсдөөсөө гадна үр хүүхдүүддээ ч мөн дээл ижилсүүлэн авч байв. Жил бүрийн нэгдүгээр сарын дунд үеэс үндэсний дээл хувцасны эрэлт эрс нэмэгддэг талаар худалдагч нар хэлж байлаа. Тэдний хэлснээр өмнө нь эрэгтэй эмэгтэй дээл ганц нэгээрээ зарагддаг байсан бол өдгөө хосоороо зарагдах болжээ. Тиймээс лангуу бүрт ихэвчлэн төрөл бүрийн даавуун болон кашмерин материалтай хос дээлүүд өлгөөтэй харагдав.

Өнгөрсөн долоо хоногт хөдөөнөөс орж ирсэн Г.Содном гуайд хүү бэр хоёр нь дээл захижээ. Өөрснөө тэндээ мал хуйгаа хараад үлдэж. Тэдний өмсдөг хуучин дээлийг нь авч яваа учраас таарах эсэхэд нь санаа зовохгүй байгаа аж. Тэрээр “Хүү маань саарал, цайвар өнгийн, бор эмжээртэй дээл захьсан. Бэрдээ ч бас ижилсүүлж авна. Манайхан ч дээлийг шаггүй уран хийдэг болж шүү. Уламжлалт баяраараа үндэснийхээ дээл хувцсыг өмсөлгүй яахав. Уг нь сар шинээс урьтаад эмгэн маань өөрсдийнхөө дээлийг хийчихдэг байсан чинь жил ирэх тусам хараа нь муудаж, тэнхээ нь тамирдаад хийж чадахаа больсон. Тэгээд худалдаж авахаар явж байгаа минь энэ. Гэхдээ миний дээлийг яаж ийж байгаад өөрөө хийчихдэг юм. Залуудаа сард хэд хэдэн дээл хийчихдэг байлаа. Одоо бол ганц миний дээлтэй л зууралддаг болоод байна даа, хөөрхий. Гэсэн хэдий ч намайг цагаан сар болгоноор шинэ дээлтэй золгуулдаг юм. Манай бэр, охид дунд дээл хувцас хийдэг хүнгүй. Уг нь тиймгүйсэн бол энд юу гэж ирэх билээ” гэсээр бор саарал өнгийн кашмерин дээлийн хормойноос имэрч үзсэнээ худалдагчаас үнийг нь асуув. “Наад эрэгтэй кашмерин дээл чинь 180 мянга. Хосоороо бол 350 мянга. Өөр материалтай ч бий. Даавуун дээлүүд материалаасаа хамаарч 70-аас 220 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна даа” гэв.”Хүү маань иймэрхүү дээл захисан юм. Өөрийнх нь дээлийг аваад ирсэн юм. Энэ дээлэн дээр давхралдуулж тавиад үзчихэж болно биз дээ” гэвэл худалдагч залуу модон жижиг чингэлэг дээрээсээ огло харайн “Тэгэлгүй яахав, Болно. Алив би өлгүүрээс нь аваад энд дэлгээд өгье” гэв. Хуучин дээлнээс нь гурван хуруу хэртэй урт байв. Өвгөн “Доороос нь жаахан ахиу шуугаад бүсэлчихэд болох юм байна. Энэ дээлийг хосоор нь авчихъя. Эмэгтэйгийнх нь дээл бага зэрэг уртадна уу гэхээс бусдаар яав л гээ” гэсээр торондоо хийлгүүлж авав.

Эдэлгээ удаан, дулаан учраас хурган дотортой дээлийг иргэд ихээхэн сонирхох болжээ. Хурган дотортой дээлийг үйтэн хуар эсвэл үнэтэй торгоор гадарласан харагдав. Нэг сая 200 мянгаас сая 500 мянган төгрөгийн үнэтэй. Дунд эргэм насны нэгэн хос өөрсдөдөө таарах хурган дээл хайж багагүй явжээ. Хурган дотортой нь харьцангуй үнэтэй учраас бусад дээлийг бодвол цөөн байсан юм. Тэгээд ч даавуун, кашмерин, хөвөнтэй, доторгүй зэрэг төрөл бүрийн дээлийг захиалгаар нэгээс гурав хоногийн дотор хийчихдэг аж. Харин хурганы арьсны олдоц тааруу учраас захиалгаар хийдэггүй болохыг худалдагч нар учирлав. Нөхөр нь “Өнгө нь таалагдахаар багтахгүй юм. Биед яг таарлаа гэхээр өнгө, материал нь таалагдахгүй юм. Чамгүй өндөр үнээр авч байгаа юм чинь таалагдсан дээлээ авчихмаар байна. Хэд хоногоос дахиад ирэх үү?” гэвэл эхнэр нь “Тэгье. Гэхдээ зориод гарч ирсэн юм чинь чи ядаж дотуур нь өмсөх монгол хийцтэй даавуун цамцаа ав” гэв. Нөхөр нь ч толгой дохин тэд цамц, хүрэм зардаг тасаг руу явлаа. Тэнд дээлний дотуур өмсөх даавуун цамц мөн л материал, хийцээсээ хамаарч 20-оос 40 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Нөхөр нь ч “Тэр цэнхэр өнгөтэйг нь үзье” гэснээ нэг гараа алдлаад, цамцныхаа ханцуйтай чацуулж үзээд “Яг таарна. Уртадвал оёдолчноор хасуулчихна биз” гэв.

Том хүний дээлнээс гадна хүүхдийн дээл ч төрөл бүрийн өнгө, загвар, хэмжээтэй худалдаалагдаж байлаа. Торго, даавуугаар урласан нэгээс хоёр настай хүүхдийн дээл 25 мянган төгрөг бол гурваас таван настай хүүхдэд таарахаар нь 30-аас 35 мянга байлаа. Харин дээлнийхээ дотуур өмсдөг даавуун цамц таваас арван мянган төгрөг. Ханиад томуу ихтэй өвлийн энэ үед хүүхдээ тэр бүр дагуулж гардаггүй учраас тэдэнд дээл хувцас тааруулж авахад төвөгтэй байдаг талаар эцэг эхчүүд учирлаж байв. Хажуугийн лангуунаас хүүхдийн цэнхэр торгон дээл удтал сонжиж үзсэн залуу “Энэ дээлийг охиндоо өмсүүлж үзэх гэсэн юм. Мөнгөө үлдээгээд аваад явчихъя. Хэрэв таарахгүй бол маргааш солиулж, эсвэл мөнгөө авч болох уу” гэвэл худалдагч эмэгтэй “Уг нь барааг буцаадаггүй юм. Яахав томруулж эсвэл жижигсгээд солиулна гэвэл болно. Түүнээс мөнгийг нь буцааж өгөхгүй” гэвэл өнөөх залуу уриалгахан зөвшөөрөв.

Зарим иргэд “Доторгүй хэрнээ чанартай даавуун дээл авчихаад давхарлаж өмсөх зузаан хүрэм авбал ганц кашмерин дээл авснаас ялгаагүй юм. Өмсөөд явахад ч муугүй харагдана. Хүрмээ өөр дээлэн дээр сэлгээд өмч ч болно” гэцгээж байлаа. Элдэв гоёл чимэглэл, хээ хуаргүй энгийн загвартай дээл 70 мянган төгрөг бол гоёлын хүрэм 80-аас 120 мянга.

Үндэсний дээл худалдаж авсан хүмүүс хажуухан дахь бүс, малгайн тасгуудаар заавал орно. Уг нь эрэгтэй, эмэгтэй загварын кашмер болон 150 мянгаас дээш үнэтэй даавуун дээлийг дагалдуулж бүс өгч байсан юм. Гэсэн ч ихэнх эрчүүд дээлэн дээрээ өргөн ширэн бүс бүслэхийг илүүд үздэг бололтой. Ширэн бүс хийц, загвараасаа хамаарч 30-аас 45 мянган төгрөгөөр зарагдаж байлаа. Дан ширэн эсвэл гоёлын тоноглолтой бүснээс сонголтоо хийж болно. Харин дээлэн дээр хамгийн их зохицдог шляп 35 мянган төгрөг. Хослуулж авбал 60 мянга болж хямдрах юм байна.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны байгууллагыг их сургуультай нэгтгэх нь салбараа үгүй хийх эрсдэлтэй

Монголын шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгаж их сургуулиудын харьяанд шилжүүлэх талаарх Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг эсэргүүцэн, шинжлэх ухааны академийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд жагссан билээ. Улс орны эдийн засаг хүндхэн байгаа өнөө үед улсын төсвийн орлого их наядаар тасарсан учраас ШУА-ийг татан буулгаж, төсөв хэмнэх гэж байгаа гэвэл эндүүрэл гэдгийг жагсагчид хэлж байсан билээ. Өөрөөр хэлбэл энэ онд БШУЯ-ны төсвийг танаагүй атал сайд Л.Гантөмөр бүтцийн өөрчлөлт хийх нэрийдлээр зөвхөн шинжлэх ухаанд зарцуулах ёстой хөрөнгийг танах гэж байна гэдгээ тэд жагсаалын үеэр онцолж байсан юм.

ШУА-ийнхан их сургуультай нэгдэлгүй, тусдаа үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэж байгаа бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй улс орны жишиг ч ийм гэдгийг хэлж байгаа юм. ШУА-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатартай энэ талаар ярилцлаа.

Шинжлэх ухааны академийг дэлхийд байхгүй нүсэр бүтэцтэй хэмээн сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэх боллоо. Энэ хэр бодитой вэ?

– Шинжлэх ухааны академи Европын сэргэн мандалтын үед буюу XVII-XVIII зууны үеээс эхтэй. Тэдгээрээс Германы Леополдын ШУА, Английн хааны нийгэмлэг, Оросын ШУА зэрэг байгууллагууд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулахдаа бүтэц, орон тоогоо өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл бүхий л цаг үед шалгагдсан сонгодог бүтэц байхгүй юу. Түүнчлэн Европ, Америк, Азийн улс орнууд оюуны хөгжлийн тодорхой үе шатанд хүрсэн үедээ буюу XIX-XX зуунд Шинжлэх ухааны академи гэдэг байгууллага байгуулсан түүхтэй. Тухайлбал Голланд1808 онд, Австри 1847 онд, АНУ 1863 онд, Хятад 1926 онд тус тус ШУА-аа байгуулсан.

Харин манай орны хувьд 1924 онд ШУА-аа Судар бичгийн хүрээлэн нэртэйгээр байгуулж, ” … энэхүү хүрээлэн нь ирээдүйд бүх шинжлэх ухаан болон урлагийг хамарсан Шинжлэх ухааны академи болох буй заа” гэж хүртэл үүрэг чиглэлийг нь тодорхойлж өгсөн байдаг. Гэхдээ үүнээс өмнө Монгол орон харанхуй, бүдүүлэг байсан юм биш. Тэгж яривал аугаа түүхт Монголын ард түмэн ихээхэн оюунлаг учраас хэдэн зууны өмнөөс буюу Их Монгол Улсын үед ч эрдэмтдийн байгууллагатай байсан. Нью Йоркийн Колумбийн их сургуулийн нэрт монголч эрдэмтэн Мoррис Россаби Хубилай хааны намтрыг олон жил судалсан. Тэрээр Хубилай хаан 1275 онд “Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллагыг байгуулсан тухай “Хубилай хаан” бүтээлдээ тусгасан. Тэр ч бүү хэл, тэрхүү академийнзарим гишүүдийн нэрийг ч мэднэ гэж Россаби хэлсэн удаатай. Тэгэхээрманай ард түмэн эрдэм мэдлэгийг эртнээс дээдэлж ирсэн уламжлалтай юм шүү.

Тэгэхээр Шинжлэх ухааны академи гэдэг нь хойд хөршийн хэдэн арван жилийн өмнөх буюу социализмын үеийн бүтэц гэдэг нь ташаа болж таарах нь ээ дээ?

-Юуных нь социализмын үеийн бүтэц байх билээ дээ. Интернетийн тусламжтайгаар өнөө цагт ямар ч мэдээллийг олж авахад их хялбар болчихсон. Хуучны Зөвлөлт Холбоот улс, тэр байтугай социализм гэдэг үг бидний үгийн санд орж ирэхээс хавьгүй өмнө буюу Шинжлэх ухааны академиуд байгуулагдаж байж шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байна гэхэд нэг л итгэж өгөхгүй л байна шүү.

Шинжлэх ухааны академи нь судалгааны хүрээлэнгүүдтэй байх нь мөн л Зөвлөлт маягийн буюу хуучны бүтэц учраас их дээд сургуулиудтай нэгтгэх замаар шинэчлэх хэрэгтэй гэцгээх болсон. Энэ тал дээр?

-Ухаандаа ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх нь хуучин хэв маягийг халж, орчин үеийн сонгодог бүтэц рүү шилжүүлж байна гэх гээд байх шиг байна. Энэ ч бас үндэслэлгүй худлаа юм л даа. Өнөөдөр дэлхий дахинаа эгнээндээ судалгааны хүрээлэнтэй ШУА байхад хүрээлэнгүй нь ч бий. Тухайлбал Европын 40 гаруй улсын ШУА-уудыг нэгтгэсэн холбоо байдаг юм. Тэдгээрийн талаас илүү нь судалгааны хүрээлэнгүй бол бусдад нь бий. Зүүн Европын хуучин социалист гэгдэж байсан орнууд болох Чех, Словак, Польш, Унгарт тус бүр 50 гаруй хүрээлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Австри, Голланд, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд тус бүр арав гаруй шинжлэх ухааны хүрээлэнтэй. Тэгэхээр ШУА нь хүрээлэнтэй байх нь Зөвлөлт засаг, социализмтай ямар ч холбоогүй, зөвхөн уламжлалын асуудал юм.

Барууны өндөр хөгжилтэй орнуудад ШУА-ийг байгуулж, хөгжүүлэх бус зөвхөн их сургуульд л шинжлэх ухааныг хөгжүүлдэг болсон юм биш үү?

-Энэ бол бас л өрөөсгөл ойлголт. Жишээлбэл АНУ-ын Холбооны төсвөөс ШУ-ны судалгаанд зарцуулж буй хөрөнгийн дийлэнх хэсэг нь их сургуулиас гадуурх судалгаанд зарцуулагддаг. Америкт Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн гэж 20 гаруй хүрээлэнгээс бүрдсэн судалгааны газар бий. Японд мөн л ШУ-ны үндэсний хүрээлэнгүүд байдаг бол Германд 80-аад хүрээлэнгээс бүрдэх Макс Планкийн, Лайбницийн, Хельмхолцын, Фраунхоферын зэрэг хэд хэдэн нийгэмлэг бий. Францын CNRS 80 хүрээлэнтэй бол Италийн CNR 100-аад хүрээлэнтэй. Эдгээр хүрээлэнгүүдийн үндсэн зорилго нь зөвхөн судалгаа хийх. Товчхондоо бол барууны орнуудад их дээд сургуулиудаас гадна ШУА, Төв лаборатори, хүрээлэн, нийгэмлэгүүд дээрээ шинжлэх ухааны судалгаа хийдэг юм.

Тэгвэл манай оронд шинжлэх ухааны байгууллагуудаа их сургуультай нэгтгэлгүй тусад нь хөгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ер нь манай дээд боловсролын түүх бол их богино юм шүү дээ. Гэхдээ их амжилттай хөгжиж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Их сургуулиуд одоо судалгаанд анхаарах цаг нь болж байх шиг байна. Тиймээс манай их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэн зэргийн аль алиных нь судалгааны загвар оновчтой, боломжтой юм шиг санагддаг. МУИС дээр цөмийн физик, биологийн, математикийн шинжлэх ухааны зарим чиглэлийг сайн хөгжүүлсэн туршлагатай. Иймд нэг нэгнийгээ нөхсөн, давхардалгүй судалгаа хийх хэрэгтэй. Дээрээс нь их дээд сургуулийн багш нар таваас зургаан жил багшилсныхаа дараа нэгээс хоёр жил шинжлэх ухааны хүрээлэнгүүд дээр ажиллаж яагаад болохгүй гэж. Үүнийхээ дараа эргээд багшилж болно. Түүнээс биш ШУ-ны байгууллагыг төсөв мөнгө хэмнэх нэрийдлээр механикаар нэгтгэвэл шинжлэх ухааны салбараа өөрсдийн гараар самрах эрсдэлтэй.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ гэж үздэг гэв

Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбогдуулан албан байгууллага, найз нөхдөөрөө архидан сог­туурч улмаар хордлогод орох тохиолдол эрс нэмэгддэг. Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэг нь 50 ортой ч үргэлж тооноос давсан хүмүүс эмчлүүлж байсан юм. Тэдгээрийн дийлэнх нь анх удаа эмчлүүлж байгаа хэдий ч хоёр болон түүнээс олон удаа хэвтэж байгаа өвчтөн цөөнгүй байлаа. Долоогоос арав хоног хэвтэн эмчлүүлэхэд 20 мянган төгрөгийн төлбөртэй аж. Наркологийн эмнэлгийн их эмч, тасгийн эрхлэгч Г.Бэрцэцэгээс тодруулга авсан юм.

Сүүлийн жилүүдэд архины хордлогод орж, хэвтэн эмчлүүлэгсэд эрс залуужих боллоо хэмээн яригдах болсон нь хэр бодитой вэ?

-Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн нас залуужих болсон нь үнэн. Одоо л гэхэд 25-аас 27 насны хоёр гурван ч залуу хэвтэн эмчлүүлж байна. Тэгж яривал 20 настай залуу хүртэл архины хордлогод орж, манайд ирж байсан удаатай. Ер нь Цагаан сар, Шинэ жил, наадам зэрэг нийтийг хамарсан баяр ёслол, тэмдэглэлт ойгоор манайд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс нэмэгддэг. Энэ жил ч мөн тийм янзтай байна. Гэхдээ тэдэн дунд эмэгтэй хүн байхгүйд олзуурхаж байна. Өмнө нь бүхэл бүтэн хоёр, гурван тасаг дүүрэн эмэгтэйчүүд хэвтэн эмчлүүлж байхад үнэхээр сэтгэл эмзэглэм байсан шүү. Сүүлийн үед орон гэргүй, архинд донтох өвчтэй хүмүүс нэмэгдэх болсон.

Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг танай эмнэлгийн барилгыг шинэчлэх тухай яригдаж байсан. Энэ тухайд?

-Манай эмнэлгийн байрыг шинэчлэн, таван давхар 150 ортой болгохоор яригдаж эхэлсэн. Эмнэлгийнхээ хажууд амбулатори хүртэл байгуулах юм билээ. Хэрэв ингэвэл иргэдэд илүү хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж нөхцөл бүрдэнэ. Ачааллаасаа давсан үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь манай эмнэлгийг зайлшгүй өргөтгөн шинэчлэх шаардлагатай гэдгийг хэлээд байгаа хэрэг шүү дээ. Яг хэдийд ажил хэрэг болох нь тодорхойгүй байгаа ч амбулаторитой болгохоор яригдаж байгаа.

Архи их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд хүний ямар эд эрхтэн илүү гэмтдэг вэ?

-Архи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд гэмтдэггүй эд эрхтэн гэж байдаггүй. Гэхдээ эдгээрээс элэг, тархи, зүрх түлхүү гэмтдэг. Архи их уувал зүрх өөхөлдөг. Энэ нь яваандаа зүрхний шигдээс өвчин тусгадаг. Бүр цаашилбал тархи гэмтдэг. Энэ тохиолдолд архинд донтох өвчин үүсч, улмаар хүмүүс тэнэгэрч, бие хүнийхээ доройтолд ордог. Элэг хүний бие дэх бүхий л хорт бодисыг шүүгч “лаборатори” учраас архи их уугаад байвал элэг ч мөн гэмтдэг. Элэг 100 грамм архийг нэг цагт хоргүйжүүлэх “хүчин чадалтай”. Гэтэл манайхан баяр ёслолоор ганц хоёрхон хундага архиар тогтдоггүй учраас элэгний шүүх чадвар алдагдаж, архины хор хүний биеэр тардаг. Ийнхүү хэр их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглэснээс шалтгаалаад хордлогын үе шат тогтоогддог.

Архины хордлогод орсон тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Олон хоногоор, удаан хугацаагаар хэт их архи уугаад ирэхээр элэг шүүх чадвараа алддаг. Хордлогод орсон тохиолдолд эс доторх эрдэс бодис нь алдагддаг. Архи уусны маргааш шартах буюу дотор муухай оргиж, бөөлжиж байна гэдэг нь бие организм архийг эсэргүүцэж байна гэсэн үг. Удаан хугацаанд архи хэтрүүлэн хэрэглээд байвал дээрх рефлексүүд алга болдог. Ялангуяа бөөлжихөө больдог. Өөрөөр хэлбэл архины хоронд бие организм дасан зохицдог. Энэ байдал удаан үргэлжилбэл нойргүйдэх, хар дарах цаашлаад гар хөл салгалж, зүрх нь дэлсэж, татаж унадаг болдог. Зарим тохиолдолд солиорол буюу сонсголын болон харааны хий зүйлс хардаг болно. Тэгэхээр ийм хордлогод ортлоо архийг хэрэглэхгүй байх ёстой. Архинд донтох гэдэг бол бие сэтгэц, оюун санааг бүхэлд нь хамааралд оруулдаг өвчин. Тиймээс архинд донтсон арван хүн тутмын долоо, найм нь гэр бүл, ажил төрөлгүй байдаг.

Согтууруулах ундааны зүй зохистой хэрэглээ гэдгийг дэлхий нийтээр юу гэж ойлгодог юм бол. Өөрөөр хэлбэл хэр хэмжээний архи хэрэглэвэл хүний биед хоргүй гэж үздэг юм бэ?

-Дэлхий дахинаа нэг удаад 100 грамм архи эсвэл нэг шил пиво уухыг эрүүл хэрэглээ буюу хүний биед хоргүй гэж үздэг. Эсвэл 60 мл ликёр юм уу 120 мл вино ч ууж болно. Дээрх хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх тоолонд эд эрхтэн гэмтэхийн хажуугаар архинд донтох өвчний суурь тавигдаж байдаг. Энэ нь бие организм архинд дасан зохицоод, цаашилбал үгүйлдэг болно гэсэн үг. Гадаадынхан бол ганц хундага вискийг бүтэн оройжин шимж суудаг бол манайхан мөстэй ч холилгүй бүтэн шилээр дор нь хөнтөрчихдөг.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Зураг төсөл, газар эзэмших гэрчилгээн дээрээ хороо, байрны дугаарыг хүртэл худал бичжээ

Нийслэлд холбогдох хууль дүрэм зөрчин, орон сууцны цонх, орцны үүд, явган хүний зам зэргийг таглан өндөр барилга, байгууламж олноороо баригдах болсон. Үүнээс үүдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх болсон. Эдгээр эрх нь зөрчигдсөн иргэдийн дуу хоолойг олон түмэн, төр засгийнханд хүргэх үүднээсӨдрийн сонин“-ы хамт олонЦонхоо нээцгээехөдөлгөөн өрнүүлж эхэлсэн. Энэ удаад Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг сурвалжиллаа.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр, “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийд болон 22 дугаар байрны дундах 0.3 га газрыг “Би Жи Би Жи” компани ил зогсоол, гараа­шийн зориулалтаар түрээсэл­дэг аж. Ил зогсоолын өмнөхөн байрлах “Баялаг” худалдааны төв нь “Би Жи Би Жи” компанийн мэдэлд байдаг гэнэ. Тус компани энэ оны хоёрдугаар сарын 24-нд таван жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ сунгажээ. Гэрээн дээр нь 0.3 га газрыг гарааш, үйлчилгээний зориу­лалтаар ашиглана гэж тусгасан байдаг аж. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын эхээр энэхүү газарт барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ. Орон сууцны дунд барилга байгууламж барихаар бол ойр хавийн оршин суугчдаас нь зөвшөөрөл авах ёстой гэсэн журмыг НИТХ-аас баталсан. Гэтэл тус 0.3 га талбайгаас 10 хүрэхгүй метрийн зайтай орших хоёр ч нийтийн орон сууцны оршин суугчдаас зөв­шөөрөл авах нь бүү хэл тэдэнд албан ёсоор мэдэгдээ ч үгүй аж. 16 дугаар байрны зүүн талын автозогсоолын талбайг наагуур нь шуудайтай шороогоор хааж, “Нурах аюултай” гэсэн бичиг хаджээ. Гурван машин зөрөх дайны өргөнтэй хатуу хучилттай автозам зүүн захаасаа доош суусан учраас дундуураа хагарчээ. Учир нь газар ухаж эхлэхээс өмнө зогсоолын цаахна бетон далан байжээ. Нийслэлийн өмч болох энэхүү даланг дур мэдэн нураасны улмаас ийн суулт өгчээ. Өмнө нь 16 дугаар байрныхан энэ талбайд машинаа тавьдаг байсан бол өдгөө ямар ч боломжгүй болжээ. Нуралтыг нь зогсоох үүднээс шуудайтай шороогоор тэхий дунд нь ортол өндөрлөн манажээ.

Тус газрын эзэмших эрхийн гэрчилгээг авахаасаа л бичиг баримтын зөрчилтэй явж иржээ. Таван жилийн хугацаатай эзэмших гэрчил­гээгээ 2014 оны хоёрдугаар сарын 24-нд авахдаа Баянгол дүүргийн 15 дугаар хороонд гэж бичүүлжээ. Угтаа бол тэр газар нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо юм байна. Дээр нь өнгөрөгч тавдугаар сард Нийслэлийн Ерөнхий төлөвгөөний газрын Барилга хот байгуулалтын хэлтсээр зураг төслөө батлуулахдаа баруун хойхно талд нь хамгийн ойр орших 16 дугаар байрыг бус цаад талынх нь 15 дугаар байрыг тусгажээ. Мөн зүүн талд нь 22 дугаар байр хамгийн ойр оршдог атал зураг төсөл дээрээ 21 дугаар байрыг тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл тайлбар дээрээ 22 дугаар байр гэж бичсэн мөртлөө зураг дээрээ зүүн хойд талынх нь 21 дүгээр байрыг тодотгон тэмдэглэсэн байна. Энэ талаар 14 дүгээр хорооны 16 дугаар байрны иргэн М.Отгон “Ингэж л анх зөвшөөрөл авахаасаа л залилан хийж эхэлсэн. Угтаа бол барилгын ажил явагдахад зураг төсөл дээр нь тусгагдсан 15, 21 дугаар байр бус түүнээс ойр орших 16, 22 дугаар байрны оршин суугчдын тав тух алдагдана. Тэр утгаараа 16, 22 дугаар байрны оршин суугчдад албан ёсоор хэлж, тайлбарлах ёстой. Тэгтэл эдгээр байр эскиз зураг дээр нь тэмдэглэгдээгүй. Биднийг зөвшөөрлийн бичиг сэлтийг нь үзье, гэхээр “Өө энэ газар нутаг танай 14 дүгээр хороонд ямар ч хамааралгүй. Газрын гэрчилгээн дээрээ 15 дугаар хороо гэж байгаа биз дээ” гэж дунд нь замхруулж, хугацаа хожсоор байна. Бас “Гарма гаржүд үржин пэрэнлайлин” хийдийг IV хорооллын Л.Энэбишийн өргөн чөлөө гэж хүртэл тэмдэглэсэн. Ингэж явсаар нэг л мэдэхэд барилгаа ашиглалтанд хүлээлгэж өгөх хугацаа нь тулчихна биз. “Би Жи Би Жи” компани газар эзэмших эрхээ гарааш үйлчилгээний зориулалтаар гэж хоёрдугаар сард авсан мөртлөө зургадугаар сард зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт дээрээ худал­даа, үйлчилгээ, орон сууцны 18 давхар барилга болгож өөрчлөөд батлуулчихсан. Тэгтэл 16-аас дээш давхар болохоороо нийслэлд огт хамааралгүй, харьяа яаманд хамааралтай болоод явчихсан” гэсэн юм.

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Ю.Болдбаатар “Үүссэн нөхцөл байдлаахорооноосоо сонгогд­сон НИТХ-ын гишүүн, хороо­ны удирдлагуудад танилцуулахад “Естой анхааралдаа авлаа. Энэ асуудлыг тань шийдэж өгнө” гэчихээд таг болчихно. Орон сууцны ойр орчимд барилга барихаар бол иргэдээс нь зөвшөөрөл авах санал санаачилга гаргаснаар нь Засаг даргатай уулзах хүсэлт тавьсаар хоёр сарын нүүр үзэж байна. “Дарга таньтай удахгүй уулзана” гээд наагуурх хүмүүс нь аргалаад байдаг. Аргаа бараад дүүргийн газрын албан дээр очихоор “Дээрээс өгчихсөн бол бидэнд хамаагүй” гэдэг. Баянгол дүүрэгт бол “70 давхар”-ыг л иргэдэд өгөх гээгүй юм бол өөр хуваарилах газар байхгүй шүү дээ” гэв.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Холливудад тоглосон Анхням, “Банш” Батаа, “ТВ коктейл”-ийн Өөскөгийн ангийнхан

СУИС-ийн бахархал, тайз дэлгэцийн бүтээлүүдэд мөнхөрсөн дүрээрээ, найруулсан уран бүтээлээрээ ард түмний эчнээ танил болсон эрхмүүдийг энэ удаагийн нэг ангийнхан буландаа урилаа. Тэд СУИС-ийн жүжигчний ангид 1998 онд элсэн суралцсан үеэсээ урлагийн амтыг мэдэрсэн нэг ангийнхан. Тиймдээ ч төдийгөөс өдийг хүртэл жүжигчид нь кинондоо тоглож, найруулагчид нь бүтээлээ найруулж, Монголын урлагийн салбарт өөрсдийн байр суурь, нэр хүндээ нэгэнт олцгоожээ. Мөрөөдлийн теат­­рын жүжигчин “Банш” Батаа, “Ийм нэгэн дурлал”, “Сайн, муу, хэрцгий”, “Ми­ний хөрш чөтгөр” зэрэг дэл­гэцийн олон бүтээлүүдийн зохиолыг бичиж, найруулсан “Миеэгомбо” кино компанийн захирал, продюссер, найруу­лагч А.Миеэгомбо, “ТВ кок­­тейл”-ийн Өөскө, нэрт алиалагч Латиф агсны хүү, жүжигчин Нурбулан, “Чонон сүлд” хэмээх Холливудын кинонд тоглосон жүжигчин Р.Анхням,хөтлөгч, жүжигчин, дуучин Ч.Ундрал гээд яривал эдний ангиас төрөн гарсан алдартнууд олон. Эдний ангийн алдартнууд ингээд дуусахгүй. “ТВ-9”, “ETV” телевизүүдэд ажиллаж байсан сэтгүүлч М.Бүжинлхам, “UBS” телевизийн найруулагч Б.Жаргалсайхан, “Янаг дур­лалын дууль”, Тусгай салаа” зэрэг уран бүтээлээрээ олны танил жүжигчин Т.Ариун­бу­­­лаг, МАХН-ын хэвлэл мэдээллийн албаны дарга З.Бадамсэд, Монголын Үндэсний радиогийн най­руулагч, хөтлөгч Мөнхбат, “17 чингэлэг инээд” хошиг шогийн гол дүрийн жүжигчин Г.Болормаа, киноны дуу оруу­лагч Т.Солонго, Бат­су­мъ­яа гээд салбартаа амжилттай ажиллаж яваа залуус өчнөөн.

Урлагт элэгтэй, жүжигчин, найруулагч болохыг хүссэн 500 гаруй шалгуулагчдаас эхний 25-д шалгарсан нь СУИС-ийн өндөр босгыг алхан оржээ. Ингэж элссэн оюутнуудын тал нь хүсэл эрмэлзэл, зорьсон зорилгодоо үнэнч хэвээр сургуулиа амжилттай төгссөн гээд бодохоор СУИС ямархуу өндөр шалгуур, шалгалтаар элсэлчдээ бүртгэн авч, мэргэжлийн хэр түвшинд хичээл номоо зааж, сурч мэдсэнийг нь хэрхэн бодитой, шударга шалгадаг нь бэлхнээ харагдана.

Нэг ангийнхан болзсон газраа цуглаж эхэллээ. Ангийн дарга А.Миеэгомбо ирц бүртгэж байна аа. “Рагчаагийн Анхням саяхан төрсөн, хүүхдийг нь харах хүнгүй болохоор ирж чадахгүй гэдгээ хэлсэн, Төмөрбаатарын Ариунбулаг замд түгжрээд явж байна гэсэн, Мягмарсүрэнгийн Бүжинлхам ирсэн байна, Доржийн Баттөмөр Хөтөлд шинэ жилийн арга хэмжээнд оролцоод явж байна, Батсумъяа хоцорч ирнэ гэсэн” гээд бичиг цаас харалгүй цээжээр дуржигнуулж гарав. Тэгснээ “Батаа, Өөскө хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцож, бас хөтөлж байгаа гээд надаас “чөлөө” авсан. Жаргалсайхан бас баярын нэвтрүүлгээ бэлдээд завгүй байгаа. Дараагийн удаа заавал ирнэ гэдгээ амласан” гэв. Ангийнхныгаа овог нэртэй нь, үсгийн дарааллаар нь цээжээр мэдэж байгаагаа “Манай сургуулийн Н.Ганхуяг багш орж ирүүтээ нэгдүгээр салааны эхний ширээнд суусан оюутнаас эхлээд ирц бүртгэнэ. Хүүхэд бүр овог нэрээ бүтнээр нь хэлдэг байсан юм. Эхний оюутан овог нэрээ хэлэнгүүт дараагийнх нь түүнийг давтаж хэлээд, залгуулаад өөрийнхөө овог нэрийг хэлнэ. Гурав дахь нь өмнөх хоёр оюутныхаа овог нэрийг хэлж, өөрийнхийгөө залгуулж хэлнэ. Энэ мэтчилэн явсаар гуравдугаар салааны хамгийн арын ширээнд суусан хүүхэд бусад бүх хүүхдүүдийнхээ овог нэрийг бүтнээр нь хэлээд, нэрээ хэлдэг байлаа. Дандаа нэгдүгээр эгнээний эхний ширээнээс эхэлж ирц бүртгэхгүй. Хоёрдугаар салааны гурав дахь ширээнээс эхлүүлж ч болно. Тэгэхээр яалт ч үгүй ангийн хүүхдүүдийн нэр овогтойгоо цээжлэгдэнэ биз дээ. Эхэндээ гайхдаг байсан чтөд удалгүй энэ нь хөдөлгөөн дундаа цээжилснээ санах, хэл яриагаа зүгшрүүлэх анхан шатны дасгал байсныг ойлгосон. Энэ бол наад захын жишээ шүү дээ. Энэ мэтчилэн жүжигчний ур чадвар болоод хувь хүн талаасаа өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, мэдэж, сурч байх ёстой мэргэжил эзэмшсэн хүмүүс дээ бид” гэлээ. Гэтэл М.Бүжинлхам хажуунаас нь “Зурагтаар гарч, тайзан дээр худлаа үнэн үсэрч цовхчин, тас тас хөхрөн эсвэл енгэнэтэл уйлж олны танил, “од” болохынхэнээтэй амьтдыг жүжигчин гэдэггүй юм шүү дээ. Нөгөө талаар тоо бодохоос зугтааж, ном уншихыг хүсдэггүй салбадай шиг нөхдүүд урлагийн замыг сонгодог гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ийм авьяас билиггүй хүн ямар ч аргаар хамаагүй урлагийн зэрэг, дипломоо авлаа ч тайзан дээр гарах нь бүү хэл урлагт хөл тавьж ч чадахгүй. Харин соёлтой үзэгч болж чадна. Үнэн хэрэг дээрээ жүжигчин бол үзэгч олны зүрх хэмээх алтан авдрын түгжээг мулталж, сэтгэл хэмээх эмзэг агаад нандин орон зайд өөрийн үг үйлдлийг шивж үлдээдэг. Ерөөсөө урлагт арын хаалга байдаггүй гэдэг л энэ” гэж байна. Бусад нь ч “Үнэхээр тийм шүү. Жүжигчний хөдөлмөр хичнээн хүнд хүчир болохыг “UBS” телевизийн “Орших уу, эс орших уу” шоу нэвтрүүлэг жинхэнэ утгаар нь харуулж байна даа” гэцгээв.

Эдний ангийнхан дөнгөж нэгдүгээр дамжаанд байхдаа л төгсөх дамжааны оюутнуудтайгаа өрсөлддөг байж. Т.Ариунбулаг “Уран уншлагын тэмцээнд ангиараа ороод, хоёрдугаар шатанд бараг ихэнх нь тэнцчихсэн чинь гуравдугаар дамжааныхан өөр хоорондоо, манай нэгийнхэн чинь бүгдээрээ шахуу дараагийн шатанд тэнцчихэж, ёстой лут юм аа” гэж ярилцдаг байгаа. Тэгэхээр нь ангийнхан дээрээ ирээд дээд курсийн ах эгч нар биднээс айж байна шүү. Бүгдээрээ сайн бэлдээд үзүүлээд өгье гэж урам өгч байсан ч удаатай” хэмээн дурсав.

Жүжигчний ангийнхан учраас нэгнээрээ тоглоом хийх гэж үзүүлж өгдөг байж. Нэг удаа шийтгэлтэй тоглосон чинь Т.Солонго хожигдчихож. Ангийнхан нь ямар ч хамаагүй аргаар 500 төгрөг гаднаас олж ир гэж л дээ. Тэгтэл мань хүн сургуулийнхаа урдуур явсан хүн бүрээс “Уучлаарай, та надад 50 төгрөг байвал өгч туслаач. Ариун цэврийн хэрэглэл авах гэсэн ямар ч мөнгө байдаггүй” гэсээр 500 төгрөг цуглуулж байжээ.

Жүжигчин Д.Баттөмөр буюу Банш Батаа ангийн дундаа абсурд нэртэй юм байна. Учир нь тэрээр оюутан ахуйдаа ямарваа нэгэн дүр, бүтээл дээр ажиллахдаа “Абсурд байдлаар хандмаар байна” гээд багагүй хугацаанд бодож тунгаадаг байсан гэнэ. Ингэсний эцэст дүрээ чадварлагаар бүтээхийн сацуу, жүжиглэлт нь хүртэл бусдаас арай өвөрмөц болдог байж. “Мөрөөдлийн театрын шинэ тоглолт болгоны нээлтэндээ ангийнхнаа урьдаг гэнэ. Ангийнхан Батаагаа магтаад жигтэйхэн. “Би юун дээр анхаарвал болох уу? Миний тэр номерийн энэ хэсэг нь хэр болсон байна?, Би ингэж өөрчилдөг ч юм бил үү гэж бодож байгаа” гэхчлэн зөвлөгөө, туслалцаа биднээс байнга авдаг. Яг л оюутан ахуй цаг шигээ. “Од”-ын өвчин тусаагүй гэх юм уу даа. Ер нь ч олон “од”-той хэдий ч өнөөг хүртэл оюутан цагийн зангаараа байдаг. Ямар сайндаа ангийн дарга Миеэ рүү залгаж, учир байдлаа тайлбарлан энэ удаагийн уулзалтаас чөлөө гуйх билээ дээ. Хэсэг хугацааны дараа үнэхээр бидний зөвлөснөөр эсвэл өөрийн уран сэтгэмжээрээ зарим үзүүлбэр, жүжиглэлт зэргээ үргэлж сайжруулсан нь дараа дараагийнх нь тоглолтуудаас илт мэдрэгдэж байдаг. Ингэж л бие биенээ хурцалж, урам өгч байдаг даа, манай ангийнхан” хэмээцгээв.

Харин эдний ангийн нэг, жүжигчин Анхнямыг 2015 оны хоёрдугаар сард нээлтээ хийх Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн Францын кино найруулагч Жин Жаквиз Аннаудын бүтээл болох “Чонон сүлд” уран сайхны кинонд дүр бүтээсэн гэдгийг хүн бүхэн мэднэ. Франц найруулагч Хятадын уран бүтээлчидтэй хамтран, дэлхийн хэмжээний буюу Холливудын хэмжээний кино хийсэн хэмээн урлаг судлаачид дүгнэсэн билээ. Сарын өмнөөс киноны албан ёсны трэйлер интернэт ертөнцөд цацагдаад эхэлчихсэн бөгөөд олон сая хүн үзээд байгаа. Тиймээс энэхүү уран бүтээлийг Монголын нүүдэлчин өвөг дээдсийн амьдралын үнэн мөнийг харуулсан шилдэг бүтээл хэмээн дэлхий дахинаа ихээхэн хүлээлт үүсгээд байгаа уран бүтээлээр тодроод буй. Харин түүний тоглосон монгол кинонуудыг нэрлэнэ гэвэл нилээдгүй урт жагсаалт гарах нь тодорхой. М.Бүжинлхам “Ийм дэлхийн хэмжээний томоохон уран бүтээлд өөрийн дүрээ мөнхөлнө гэдэг үнэндээ нөр их хөдөлмөрийн үр дүн. Оюутан байх үеэсээ л манай Анхаа авьяаслаг, хөдөлмөрч байсан” гэсэн юм.

Дахиад л хөгжил хөөртэй дурсамж хөврөв. Тайзны хөдөлгөөний сургуулилтаа хийх танхим олдохгүй болохоор нь нэг удаа сургуулийнхаа хажууханд хийжээ. Нэгнийгээ харааж зүхээд, цас бужигнуулан зодолдох залуусыг харсан хүмүүс цагдаа дуудчихаж. Төд удалгүй цагдаа нар иржээ. Баривчилж саатуулахаар ирсэн цагдаа нар өөдөөс нь хараад марсайтал инээлдэх залуусыг хараад гайхаж орхисон гэнэ. Энэ үед л юу болж байгааг ухаарсан Мөнхбат “Бид чинь хүн итгэтэл ийм үнэмшилтэйгээр тайзны хөдөлгөөнөө бэлдлээ гэж үү” гэсэн гэдэг.

Тэд дипломныхоо ажлаараа Европын нэгэн зохиолчийн “Тагтаа” гэдэг жүжгийг тогложээ. Сүргийнхээ ганц эр тагтаанд тоогдох гэж эм тагтаанууд нь байдаг арга чаргаа барцгаадаг тухай жүжиг гэнэ. Эм тагтаанууд эр тагтааны суусан газар нь сууж, алхсан газар нь шогшиж, хийсэн бүх үйлдлийг нь биенээсээ өрсөн хийдэг өрнөлтэй аж. Эр тагтаа лонхноос ус уунгуут эм тагтаанууд дуурайн уудаг хэсэг дээр нэг хөгтэй явдал тохиолджээ. Нэг “хорлонтой” нөхөр нь лонх руу архи хийчихэж. Багш нар жирийтэл суучихсан танхимд тоглож эхэлж дээ. Эр тагтаа лонхтойг уухдаа сүрхий огиулснаа балгачихаж. Харин эм тагтаанууд нь лонхыг булаацалдан авснаа үнэрийг нь авангуутаа бие бие рүүгээ түлхэж гэнэ. Гэсэн ч багш нарынхаа өмнө алдаа гаргаж болохгүй учраас бага багаар амссаар лонхтой архиа дуусгажээ. Бас хоёрдугаар дамжаандаа ангиараа шалгалт өгч байж. Тэгтэл хаалгаар З.Бадамсэдийг тайзан дээр гарч ирүүт дээрээс нь шуудайтай юм унаж, тэр үхэх ёстой байж.

Т.Солонго ярианд орол­цож, “Би Л.Нурланы онигоог ярих уу” гэвэл бусад “Тэг л дээ” гээд толгой дохив. Тэрээр “Нэгдүгээр курст ороод өөрийгөө танилцуул гэсэн чинь Л.Нурлан ангийнхныхаа өмнө гарснаа “Намайг Н гэдэг. Би нэрээ хэлэхгүй. Манай аавыг Л гэдэг. Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн гэхдээ бас нэрийг нь хэлэхгүй. Харин ахыг минь Н гэдэг” гэхээр нь ангийнхан нь гайхаад Д.Баттөмөр “Чи ядаж хэдэн онд төрснөө хэлэх юм байгаа биз дээ” гэсэн чинь “1970-аад онд” гэсэн биз дээ гэвэл бусад нь “Харин Болдбаатар “Би хээрээс ирсэн” гэж хэлсэн биз дээ” гээд бөөн инээдэм болов. Гэхдээ Л.Нурлан оюутан ахуйдаа багагүй хөдөлмөрч байжээ. Тагтааны дүрд хувилахын тулд ангидаа тагтаа хүртэл авчирч байжээ. Ажиглах гэж тэр шүү дээ. Тэр бүү хэл өгөр яс хүртэл анги дээрээ авчирч, “Наад өгөр яснуудаа гаргаж хая” гэж зэмлүүлсэн ч удаатай аж. А.Миеэгомбо “Биднийг оюутан ахуй цагт ДОХ-ын эсрэг сурталчилгаа телевизүүдээр их гардаг байсан даа. Тэгсэн Өөскө, Жак, Бадмаа гурав тамхи татчихаад ороод ирлээ. Тэгсэн Бадмаа “Би ДОХ тусчихаж. Өглөө шинжилгээ өгч мэдлээ” гээд намайг тэврээд уйлтал Өөскө, Бадмаа хоёрын царай барайгаад л явчихсан.Тэгсэн Өөскө “Өө новш, тамхи хэрэггүй хувааж татлаа” гэдэг байгаа. Манай хүмүүс бодвол тамхи хувааж татаад ДОХ тусчихлаа л гэж бодсон байх. Тэгж нэг Өөскө, Жак хоёроороо айхтар тоглож билээ” гээд тас тас хөхрөв.

М.Болормаа “Ихийг хийж бүтээх оргилуун залуу халуун насандаа Монголын урлагийн салбарт хүчин зүтгэж, тулгын чулууг нь тавилцаж, өдгөө тэрхүү урлагийн тулгандаа бадраасан галаа улам дүрэлзүүлж, тив дэлхийн тавцанд гаргахаар хөдөлмөрлөж байгаа Л.Чаминчулуун, Ардын жүжигчин Н.Сувд зэрэг чадварлаг багш нараараа бахархдаг. Багш нар маань бидэнд юм сургах гэж өөрснөө шатдаг байсан. Зөвлөх багшаар хошин урлагийн “X-Түц” продакшны жүжигчин Р.Алтансүх, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар ажиллаж байсан. Р.Алтансүх багш жүжиглэх ур чадвар тал дээр нь анхаардаг бол Н.Наранбаатар аливааг өөр өнцгөөс харах, сэтгэхийг шаарддаг байсан” гэв. А.Миеэгомбо “Тийм шүү, Багш нарынхаа ачаар бусдын хэлдэг шиг хоёр нь л жүжигчин бусад нь соёлтой үзэгч болоогүй. Манай ангийнхны хоёр нь сэтгүүлч, гурван нь найруулагч бол бусад нь жүжигчин. Бүгд мэргэжлээрээ олондоо хүндлэгдэж, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчид” гэв. Эдний ангийнхан оюутан ахуйдаа “Zaya`sh” студийн клип, уран бүтээлийн зураг авалтад ангиараа оролцдог байсан гэнэ.

Хэн нэгэн нь кино найруу­лах, кинонд тоглох, шоу тоглолт хийх бүрт нээлтийн ажиллагаан дээр нь ангиараа цуглардаг юм байна. Уран бүтээлийг нь сонирхсоныхоо дараа нэгэндээ юун дээр алдсан болон юуг нь сайжруулах тал дээр мэргэжлийн зөвлөгөө өгдөг гэсэн шүү.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Монголын сэтгүүлзүйн түүчээ болсон хамт олон

Монгол Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн ангийн 1996 оны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. “Хэдийгээр нийгэм эдийн засгийн шилжилтийн хүндхэн үетэй бидний оюутан ахуй цаг давхацсан хэдий ч эргээд бодоход жаргалтай байж ээ. Картын бараанд олон цагаар дугаарлан зогсч, мөнгө төгрөггүй, өлсөж цангаж байсан ч тухайн үедээ зовж, зүдэрч байна гэж огт бодогддоггүйсэн. Нэгэнт л дээд боловсрол эзэмших гэж хэн нэгний дарамт шахалтаар биш өөрийн чин хүсэл эрмэлзлээр их сургуульд элсэн суралцаж байгаа болохоор хэндээ ч гомдоллох билээ. Даваад, туулаад л гарсан. Нийгмийн хүндхэн шалгуур, амьдралын хатуу ширүүнийг хамтдаа туулаад гарсан учраас манай ангийнхан атгасан гар шиг эв нэгдэлтэй байсан, одоо ч хэвээрээ. Зовлонд нүүр буруулаагүй андууд насан туршийн түшиг гэдэг дээ” хэмээн ярилцах тэд хэдэн жилээр уулзаагүй ч өнгөрсөн хугацаанд үргэлж хамт байсан мэт тийм л нэг халуун дулаан уур амьсгал уулзалтын эхнээс дорхноо бүрдэв.

“Нийгмийн ороо бусгаа үе гэснээс би нэг хөгтэй явдал саначихлаа” гэсээр Д.Дагиймаа яриа эхлүүлэв. Бусад нь “Юу юм бэ? Ярь л даа” гээд түүн рүү анхаарлаа хандуулав. “Бид чинь аравдугаар ангидаа картын бараанд жагсдаг байсан бол дараа жил нь оюутан болоод шууд картын бараагаар амьдарч эхэллээ шүү дээ. Мөн ч их өлсдөг байж билээ. Ямар сайндаа дотуур байранд амьдарч байхдаа Н.Хажидсүрэнтэйгээ бүтэн сар цагаан будаа идэх билээ. Цагаан будаанаас өөр хүнсгүй болсон хоёр чинь будаагаа л агшааж иднэ. Тэгсэн Н.Хажидсүрэнгийн маань шөрмөс татаад эхэлдэг байгаа. Туниа муутай амьтан шөнө дунд “Дагий” гээд дөнгөж сонстохоор намайг дуудна. Бөх унтдаг хүн бол сэрэхгүй ээ. “Яасан” гэхээр “Хөлийн шөрмөс татчихлаа” гэнэ. Би хөлийг нь илж бариад зүгээр болгоно. Сүүлдээ ч би бараг сурчихсан, муухан бариачаас л мундаг болсондог. Тэгсэн нэг удаа хоёулаа эртхэн амаръя гээд орондоо ороод удаагүй байтал “Дагий” гээд л дуудлаа шүү. Би ч орноосоо босч очоод “Аль хөл чинь юм” гэтэл “Үгүй ээ нуруу” гэдэг байгаа. Нүдээ ч нээлгүй хажууд нь нойрмоглон зогсч байсан би айх гайхах зэрэгцэн “Юу гэнээ, эмнэлэг дуудъя” гээд л ухасхийлээ. Түргэн тусламж дуудчихаад хүлээгээд, ирдэггүй. Нурууг нь яаж ч бариад зүгээр болдоггүй.

Буцалгасан ус өгвөл зүгээр болж магад гэж бодоод ариун цэврийн өрөө рүү усанд явж байтал хажуу өрөөнийхөн талх идэж байдаг байгаа. Намхан шар шүүгээн дээрээ талхаа тавьчихаад, тал талаас нь зулгааж аваад бор цайгаараа даруулан идэж байна. Хольж идэх масло, элсэн чихэргүй юм чинь зүсээд ч яах билээ. “Өрөөгөө хурдхан түгжчих гээд байхад чинь” гээд нэгэн рүүгээ ёворсноо дуу муутайхан “Талх идэх үү” гэж байна. Дотроо “Идэлгүй яах юм” гэж бодсон мөртлөө “Жаахан л амсъя” гээд атгасан гарын дайтайг зулгааж аваад өрөөндөө орж ирлээ. Өөрөө ч идэлгүй Хажаадаа өнөөх талхаа бүгдийг нь өгсөн. “Чи ид л дээ” гэнгүүт нь “Үгүй ээ, би идчихсэн” гэж худлаа хэлж билээ. Түргэн тусламжийнхан ч ирсэнгүй, Хажаа маань ч тэгсгээд зүгээр болсон” гэв. Тэгтэл Н.Хажидсүрэн “Тэр талхны амттай байсан гэж жигтэйхэн. Би одоо ч тэр талхны амтыг мартдаггүй. Гэхдээ би найзуудыг чинь манай дотуур байранд ирэхэд хажуу дээд давхрынхнаасаа тал талх зээлж ирээд “өрөө” төлсөн шүү. Талх зээлэхэд тийм амархан байсан гэж бодож байна уу? Бусад үед нь хаалганых нь нугасыг хугалчих шахам хаалгыг нь дэлгээд орж ирдэг хүн чинь хаалгыг нь аяархан нээснээ “Уучлаарай орж болох уу?” гэнгүүт бүгд гайхдаг юм байгаа биз дээ. Сэмээрхэн өрөө рүү нь ороод хоолойгоо засч байгаад “Танайд талх байвал зээлээч. Дараа талхыг нь талхаар нь өгье” гэх жишээтэй” гээд бөөн инээдэм болцгоов.

О.Болормаа “Одоогийн 64 дүгээр дэлгүүрээс картын бараагаа авахын тулд ээлжилж хичээлээ тасалдаг байсан гэвэл одоогийн хүүхдүүдэд үлгэр шиг л санагдана. Гэхдээ 1000 төгрөгийн тэтгэлгээ ном, сэтгүүл, хичээлийн хэрэгсэл худалдаж авахад гар татахгүй зарцуулдаг байсан нь их сонин шүү. За тэр яах вэ, Чингисийн талбайд (тухайн үеийн Сүхбаатарын талбай) цугласан жагсагчдыг хүчээр тараана гэснийг дуулаад дотуур байрныхаа балконоор дамжаад шөнө дөлөөр нууцаар гарч байснаа санаж байна уу?” гэвэл Н.Туул “Нээрээ тийм ш дээ. Жагсаал яаж тараадгийг үзье гээд ангийнхаа хэсэг охидтой байрнаасаа нууцаар гараад талбай дээр очсон чинь Гончигдорж төрийн ордноос гарч ирээд жагсаалыг тараах нь бүү хэл өөрөө дунд нь ороод суучихсан ш дээ. Сэтгүүлчдийн сониуч зан байх даа” гэв.

Нэгдүгээр дамжаанд элсэн орсон жилээ есдүгээр сарын 1-нд нь ангиараа кино үзэх гэтэл хөдөөнөөс ирсэн хүүхдүүдээс нэг нь ч ирээгүй гэнэ. Тэгтэл хөдөөнөөс ирсэн ангийнхан нь “Ялалт” кино театрыг хаана байдгийг мэдэхгүй учраас хүн бүрээс асуугаад л яваад байж. Зарим нь гэрээсээ гарахдаа ах эгчээрээ зуруулж аваад гарсан ч ололгүй будилжээ. Харих замаа арайхийн олж, гадаа хонох шахсан тухайгаа хотынхондоо учирлажээ. Үүнээс хоёр гуравхан долоо хоногийн дараа санамсаргүй байдлаар бүгдээрээ цугларч, одоогийнхоор бол танилцах үдэшлэг хийжээ. Угтаа бол намрын ажилд явна гэж сургуулийнхаа үүдэнд бүгд цугларчээ. Ангиудыг жагсааж байгаад нэг захаас нь машинд суулгатал тэдний ангийнхан дээр иртэл бүх машины тэвш дүүрчихэж. Нэгэнт тэднийг ачиж явах унаагүй болсон учраас тэд намрын ажлаас чөлөөлөгджээ. Явуулахаа болилоо гэнгүүт нь шуудайтай боорцог, хувцсаа үүрээд 120 луу ангиараа явжээ. Тэнд нэг өрөө байранд Д.Гантуг ганцаараа амьдардаг байж. Залуучууд нь шуудайтай боорцгоо дэлгүүрт хиам, талх, утсан загас, дарсаар сольж, түүгээр нь тэд танилцах үдэшлэгээ хийсэн гэдэг. Б.Ханддолгор нь шүлэг бичээд, Д.Дашмөнх нь Монголын уран зохиолын сор болсон шүлгүүдийг цээжээрээ уншаад, зарим нь дуулаад л нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрүүлцгээж. Ч.Мөнхзул “Тэд нар чинь хотын хүүхдүүд. Тэгтэл хөдөөгийн мань мэт нь зэрэгцээд хөшөө шиг сууцгаачихаад тэд нарыг хараад жигтэйхэн их гайхацгааж билээ. Кино үзэж байгаа аятай л байсан. Бяцхан соёлын шоконд орж байгаа хэрэг юм болов уу?” гэсэн юм.

Уралдаант шалгалтанд аймаг, дүүрэгтээ эхний нэг, хоёрдугаар байраар шалгарсан хүүхдүүд МУИС-ийн босгоор алхдаг. Эдний ангийнхан ч мөн ялгаагүй, хичээл номондоо жигд сайн байж. Тиймдээ ч Б.Цагаанбаатар, Д.Дагиймаа, Ч.Мөнхзул зэрэг гурвын гурван оюутан улаан дипломтой төгсчээ. Зарим нь бүр оюутан болох үеэсээ сэтгүүл зүйн аль чиглэлээр дагнан бичихээ хүртэл тодорхойлчихсон байж. Монголын триатлоны холбооны тэргүүн Б.Цагаанбаатар оюутан ахуйгаасаа газарзүйн өргөн мэдлэгтэйгээс гадна спортод дур сонирхолтой учраас спортын сэтгүүлч болно гэж бусдадаа хэлдэг байж. Наад зах нь тэрээр спортын төрөл тус бүрийн тамирчдын дэлхийд гаргасан дээд амжилтуудыг минут секундтэй нь цээжээр мэддэг байсан гэнэ. Тэрээр олон жил тасралтгүй “Таван цагираг” сонинд ажилласан бөгөөд өдгөө түүнд дэлхийн өнцөг булан бүрт очоогүй газар, уулзаагүй спортын од байхгүй гэдгийг ангийнхан нь хэлсэн юм. Ангийн дарга Д.Гантуг “Ийгл” телевизийг 1996 онд байгуулагдахад тэнд ажилд оржээ. Тухайн үедээ мэдээг барууны төрөл жанраар буюу үйл явдал өрнөсөн халуун цэг дээрээс шууд дамжуулах, олон эх сурвалжаас мэдээлэл авах зэргээр маш хурдтай, даацтай мэдээ мэдээллүүдийг бэлтгэж байжээ. Өдгөө тэрээр сэтгүүлчийн мэргэжлээрээ Канадад ажиллаж амьдарч байгаа аж. Тэрээр ангийн охин Ч.Энхтуяатай гэр бүл болж, ангиасаа төрсөн хосууд юм байна. Мөн эхнэрийнхээ хамтаар “Зууны луйвар” цуврал нэвтрүүлгийг хийж багагүй шуугиан тарьж байсныг хүн бүхэн мэдэх биз.

Сэтгүүлч өргөн мэдлэгтэй байх ёстой гэсэн үүднээс мал аж ахуй, шашин, газар тариалан, улс төр, гоо зүй, урлаг судлал гээд маш олон төрлийн мэргэжлийн бус хичээл үздэг байжээ. Одоогийн Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн зөвлөх А.Ганбаатар нэг удаа мал аж ахуйн хичээл завсарлах дөхөж байтал том үүргэвчээ тэвэрсээр л орж ирлээ л дээ. Тухайн үед ангийн ихэнх хөвгүүд нь эцэг эхээсээ мөнгө нэхээд суулгүй, хэр чинээгээрээ хөдөлмөрлөж, наймаа сэлт хүртэл хийдэг байж. Наймаагаа хийж яваад хичээлээсээ хоцроод ирсэн А.Ганбаатарыг Жамсрансүрэн багш нь “За бос, Алив семинар ярь” гэж. А.Ганбаатар босч зогсоод “Төл малыг өсгөн хүмүүжүүлэх нь төрөл бүрийн ач холбогдолтой” гээд толгой холбоод гудиггүй туучихаж. Цагийн зүүний цохилт сонсдож байсан ангид гар бөмбөг тэсэрчихэв үү гэлтэй бүгд нирхийтэл инээлдсэн гэдэг.

Эдний анги хоёр Дагиймаа, хоёр Болормаа, хоёр Туултай. Олны танил болсон туршлагатай сэтгүүлч “TV 5” телевизийн редактор Э.Дагиймаагаас гадна ХИС-ийн Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхимийн эрхлэгч, сэтгүүлзүйн доктор, профессор Д.Дагиймаа гэж бий. Н.Болормаа Чөлөөт хэвлэл сангийн хэвлэх үйлдвэрийн захирал бол О.Болормаа орон нутагтаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаа гэнэ. Сэтгүүлзүйгээс гадна урлагийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан Улсын Бүжгийн Драмын Эрдмийн театрын дарга Ч.Мөнхзул мөн л эдний ангийнх. Харин Н.Хажидсүрэн “Үнэн” сонины гадаад мэдээний редактороос хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан бөгөөд өдгөө МАН-ын УИХ дахь бүлгийн хэвлэлийн ажилтан аж. Эдгээрээс гадна Д.Ганчимэг, Туул зэрэг орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчид ч бий. Э.Эрдэнэбаяр, Р.Мөнхбат, Д.Дашмөнх, Д.Сувд, Ш.Отгончимэг гээд хилийн чанадад сэтгүүлзүйн бүтээл хөрвүүлэхийн хажуугаар гэрэл зураг авдаг сэтгүүлчид хүртэл байдаг аж.

Сонирхолгүй хичээл дээр Д.Дашмөнхийгөө багшийнхаа өөдөөс харуулаад суулгачихдаг байж. Багш нартайгаа жигтэйхэн буу халдаг байсан учраас тэр. Бусад нь тэр хооронд нь ирцээ бүртгүүлчихээд багшийнхаа нүдийг хариулж байгаад ширээн доогуураа мөлхөөд гарцгаачихдаг байсан гэнэ лээ. Хичээл дуусах мөчид Д.Дашмөнх, хажууд нь суусан охин, арын ширээний хүүхдүүдээс өөр хэн ч ангид нь үлдээгүй байсан гэдэг.

МУИС-ийн багш, доктор Б.Болд-Эрдэнэ Болгарт төгсч ирүүтээ тэд нарт хичээл ордог байж. Тэдний ангид нэгэн өдөр хичээл зааж байхад нь Б.Ханддолгор “Багшаа та гэр бүлтэй юү” гэж л дээ. Эхэндээ багш нь тоосон шинжгүй хичээлээ заасаар байтал ахиад асуужээ. “Байгаа” гэтэл ангийн ихэнх охидын царай хачин болчихож. Тэгсэн хамгийн арын ширээнд суусан Б.Энхсайхан “Охидуудын концерт ингээд дууслаа” гэсэн гэдэг. Тэд М.Зулькафил, Т.Баасансүрэн, Монголын радиогийн зөөлөн дуут Б.Энхтуяа, “Их монгол” дээд сургуулийн захирал агсан Батмөнх, нийтлэлч Д.Баярхүү зэрэг чадварлаг багш нараар хичээл заалгуулж байснаараа бахархан дурссан юм.

Тэд “Бид МУИС-ийн төгсөгчилд гэдгээрээ бахархдаг шүү. Монголын маргаашийг бүтээх залуусын оюуныг цогцлооход багагүй хувь нэмэр оруулсан. Наад зах нь нийгмийн шинжлэх ухааны “Хүрэл тогоот” хэмээх залуу эрдэмтдийн хуралд оролцогсод бүгд МУИС-ийн төгсөгчид байх жишээтэй” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Мянга мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн мэс заслын эмч А.Цэнджавынд өнжлөө

Хүүхдийн мэс заслын эмчээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа клиникийн профессор, мэс заслын тэргүүлэх зэрэглэлийн эмч, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн мэс заслын их эмч А.Цэнджавынд өнжлөө. Цэнджав эмчийнх зуун айлын хавьцаа таван давхар сууцны дээд талын давхарт дөрвөн өрөө байранд амьдардаг юм байна.

Дээд давхартаа мансард хийж байраа өргөтгөжээ. “Өө хүүхдүүд хүрээд ирж. Орж ирээд дээшээ суу, унд уу. Гадаа ч хүйтэрч байна шүү гэсээр Цэнджав гуай биднийг угтсан юм. Томоо гэгчийн ханын шүүгээ, хүрэн өнгийнбуйдан, ширээг өнгө хослуулж тавьсан зочны өрөөнд оронгуут хамгийн тү­рүүнд өчнөөн өнгө, хэлбэртэй төрөл бүрийн хонх нүдэнд туслаа. Гэрийн эзэн гадагшаа явах бүрдээ хонх авчирдаг гэнэ. Хананд суурилуулсантавиур дээрх хонхнууд лав хорь гарчээ. Гэрийн эзэн”говийн брэнд цай”-гаараа биднийг дайлав.Цөцгий нь тунарсан, ямааны борц хаясанбудаатай цайгаа “говийн брэнд” гэж онцолж орсон гарсан зочдоо дайлдаг уламжлалтай гэнэ. Гэрийн эзний хобби нь сагсан бөмбөг гэдэг нь илт.

Цай уух зуураа спортын сувгаар сагсан бөмбөгийн тоглолт үзсэн шигээ тухаллаа.Дуртай спорт нь болохоор тэр үү яриагаа шууд лсагсан бөмбөгөөр эхлэв. Сагсан бөмбөгийн тоглолт сонирхонгоо”Лос Анжелос Лакерс багт Коби эргэн ирсэн ч улирлын гараагаа амжилт муутай эхлүүлж байна даа. Уг нь сайн тоглодог баг байсан юм. Нээрээ Лакерс гэснээс ахынх нь дэмждэг Миами Хит баг ч амжилт муутайхан л байна шүү. Сүүлийн хоёр ч удаагийн талбай дээрх тоглолтдоо хожигдчихлоо. Леброн аргагүй л багийг хөдөлгөгч хүч нь байсан юм байна. Түүнгүйгээр багийн ахлагч Вейд, довтлогч Бош гар нийлж сайн тоглож өгөхгүй л байна. Гэхдээ яваандаа ойлголцоод сайн тоглох байлгүй дээ. Уг нь 2011, 2012 онд дараалан аваргаар шалгарсан, өнгөрсөн жилийн хошой аварга мундаг баг даа” гэжирээд хууч хөөрөв. Амралтын өдөр учраас халуун бүлээрээ цуглажээ. Бэр нь дээд давхраас хүүгээ тэврэн бууж иртэл сагсны хорхойтон маань зурагтнаасаа сая салав. Ачдаа амь гэж. Хошуугаа цорвойлгож ирээд”Еэ миний сайхан хүүг хараарай та нар, өвөөгийн сайхан хүү нь сэрчихсэн байна. Өвөөгийнхөөрөө айл хэсч яваа том хүн байхгүй юу энэ чинь” гэсээр өвөр дээрээ авлаа.

Цэнджав эмчийн том хүү Цахиурбаатар”Аав бид нарыг л ингэж хошуугаа дэвсээд эрхлүүлж байгаагүйюм даа. Хүүхэд эрхлүүлэхдээ ийм авьяастай гэдгийг нь ч мэдээгүй” гэж бидний ярианд оролцов.Цэнджав эмч”Ах нь долоон хүүхэдтэй айлын отгон нь.Айлын бага учраас найм хүртлээ ээжийнхээ мөөмнөөс гараагүй. Цэрэгт явтлаа өврөөс нь салаагүй. Цэргийн албанд байхдаа ч ээжийнхээ өврөөс салаагүй дээ. Гэрийнхээ хажууханд буюу Сайншандын барилгын цэргийн албанд алба хаасан учраас цэргүүдийн оройн тооллогын дараа цэргийн ангиасаа гараад гэр рүүгээ алхчихна. Шөнө дунд очиж, ээжийнхээ цай хоолыг идээд, өвөрт нь хэсэгхэн хэвтэж байгаад үүр цайхаас өмнө буцаад л анги руугаа алхдаг “эрхийн балай” байлаа даа. Шандынхан намайг “Энэ эрхийн балай, хүн болохгүй ээ” гэнэ. 1973 онд найман настайдаа Сайншандын Төмөр замын найман жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид элсч ороод л эрхийн балай хэдий ч хоосон толгойгүй гэдгээ баталж эхэлсэн. Онц сурч баталсан гэсэн үг. “Ахлах ангидаа том толгой гаргаж, бага зэрэг хичээлдээ муудсан. Ямар сайндаа л өглөөний хичээлдээ 10 цаг гэж ирэхэв дээ. Уг нь зургаан цагт босоод долоод гэрээсээ гарна. Далай Сайншандын хөтөл дээгүүрээ даваад алхана. Хол биш хэдий ч замдаа найзуудтайгаа тоглоод тэгж уддаг байсан юм уу даа. 10 цагийн үед ангийн хаалгаа онгойлгоод эрүүн дээрх дөнгөж ургасан тачирхан сахлаа илсэн нэг их том амьтан “Багш аа орох уу” гэдэг байсан тухай ангийнхан маань одоог хүртэл ярьдаг” гэж бага залуу насаа дурсав.

Ингэж том толгойлж явсаар гурван шалгалтныхаа нэг дээр нь хангалтгүй дүн авч Анагаах ухааны дээд сургуульд элсэж сурч чадалгүй цэрэгт явжээ.Хар хөлс нь цувж, зовиурлан шаналах ижийгээ өвчнөөс нь салгах арга эрэлхийлэхдээ толгойг нь барьж, цайг нь дөхүүлэхээс хэтэрдэггүй хүүхэд насандаа “Ерөөсөө л эмч болъё” гэж нэг мөр шийдсэн гэнэ. Цэнджав эмч Дорноговийн Сайншандын уугуул аж. Аавынх нь төрсөн нутаг Говь-Алтай аймгийн Жаргалант сум.Аав Аюушхүү нь тагнуулч хүн байжээ. Үүргээ гүйцэтгэхээр хэдэн арван хоногоор ч хамаагүй ор сураггүй алга болдог байсан учраас аавыг нь орлон ах нар нь үлддэг байж. Цээж тоонд маш сайн, гүйлгээ ухаантайгаас гадна хоёр хөршийнхөө хэлээр чөлөөтэй ярьдаг нэгэн байсан гэнэ.

Тэрээр аавынхаа тухай “Миний аав томоо гэгчийн агуулах дахь эд зүйлсийг нэр, төрөл, тоо ширхэг, хаана байгаагаар нь мэддэг байсан гэдэг. Орос хэлээр чөлөөтэй ярьдаг учраас Орос цэргийн ангийн дарга нартай найзалж, цуг анд явж, ангийн арьс махаа тэдэнд хэрэгцээт зүйлсээрээ солино. Тагнуулч учраас хятад хэлээр өөгүй сайхан ярьдаг байсан гэдэг юм. Тэгж ярьж хэлдэг байж тагнуулын нэр хүндтэй албанд зүтгээ байлгүй дээ. Цэргийн алба хаах хугацаандаа 1949-1954 оны хооронд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд мал баазын даргаар ажиллаж байхдаа ээжтэй маань гэр бүл болж, сумандаа л анхны найман ханатай ханагар сайхан гэрийг босгож байлаа. Орос цэргийн дарга нар нэг талд нь аавтай шатар нүүж, ээж нөгөө талд нь саахалтын эгч нартай буу халаад суухад би хатавч хавьцаа найзуудтайгаа бужигналдаж, тоглоод байхад тэдэнд садаа тээг болдоггүй байсан гэхээр овоо том гэртэй байсан санагддаг” гэж дурсамж сөхлөө.

Доод талын давхраа тэр чигт нь зочны өрөө болгон тохижуулжээ. Гал тогоогоо баруун буланд нь шийдэж өгчээ. Дээд давхартаа унтлагын, ажлын, хүүхдийн өрөөнүүд гаргажээ. Ажлын өрөөний номын шүүгээ нь эмч айлынх гэдэг нь харваас андашгүй. Англи, орос голдуу хэлээр бичсэн анагаах ухааны ном жин дарна. Том хүү нь л тусдаа гарчээ. Дараагийн хүү Цахим-Эрдэнэ нь аавынхаа мэргэжлээр сурч байгаа гэнэ. Биднийг очиход оюутан хүү нь хичээлээ хийгээд завгүй сууж байлаа. Бага охин Цэнбүжин нь дунд сургуулийн сурагч юм байна.

Аав, ээжээс өвлөгдсөн зүйл нь хурга, ишиг хөнгөлдөг жижигхэн хутга аж. “Намайг мэс заслын эмч болохыг зөгнөсөн юм шиг, энэ зүйл манайд хадгалагдан үлджээ” гэж ирээд унтлагын өрөөний ханын шүүгээнээсээ хадганд боосон жижигхэн хутга гаргаж ирж сонирхуулав.

Бид яриагаа ажлын өрөөнд зургийн цомог үзэнгээ үргэлжлүүлэв. Залуугийнх нь цэрэг хувцастай зураг зургийн цомогт нь олон харагдав. Цэнджав эмч гурван жил барилгын цэргийн ангид алба хаачихаад элсэлтийн шалгалт өгч Анагаахын дээдэдорж байжээ. Тухайн үед далбагар том ковбой малгай моодонд орж байсан гэнэ. Ковбой малгай духдуулж өргөн даавуун өмдөөр гоёж, ширвээ сахал ургуулсан айхтар ганган амьтан есдүгээр сарын нэгэнд ангидаа оржээ. Дөнгөж сургуулиа төгссөн 18-тай ангийн охид нь “Ах аа, ах аа” гэхээр нь эхэндээ их дургүйцдэг байснаа яриад тас тас инээв. “Ахаа” гэж дуудаж байсан ангийн охидынх нь нэг болох Ц.Мөнхжаргал насны хань нь болжээ. Бидэнд цай, хоол бэлдэж гал тогоо хавиар завгүй эргэлдсэн Мөнхжаргал гуай сая л нэг чөлөө гарсан бололтой, ханийнхаа хажууд зураг үзэж тухаллаа. Ханьтайгаа Хан-Уул дүүргийн 120-ийн автобусны буудлын ойролцоох Танктай хөшөөний хажууд болздог байсан талаараа дурсав. Гэрийн эзэгтэй”Бид хоёр 1988 оны наймдугаар сарын 8-нд хуримаа хийж, голомтоо бадрааж байсан юм. Хамгийн бэлгэшээлтэй нь өнгөрсөн наймдугаар сарын 9-нд ач хүүтэй болсон. хэдхэн минутыг өмнө төрсөн бол 8-ны өдөр төрөх байлаа. Тиймээс манай гэр бүл наймын тоог их бэлгэшээдэг. Миний хань аливааг чин сэтгэлээсээ, тултал хийдэг чанартай. Тийм болохоор л ажил хөдөлмөр нь амжилттай явдаг болов уу.Бид хоёр гэр бүл болсон цагаасаа л амьдрахын төлөөуйгагүй зүтгэсэн. 1986, 1987 онд би тэмээний ноосоор цамц нэхэж, нөхөр маань Дэнжийн 1000-ийн зах дээр борлуулдаг байлаа” гэв.Бидэнтэй хамт зургийн цомог сонирхож суусан бэр ньхажуугаас”Ээж маань их уран. Шинэ жилийн гоёл, цагаан сарындээлийг хачин гоё урлана” гэж магтлаа.

Мөнхжаргал эмч Клиникийн нэгдүгээр амаржих газрын орлогч дарга юм байна.Ажлынх нь өрөө Клиникийн нэгдүгээр төрөх эмнэлгийн нярайн тасгийн хажууд байдаг гэнэ. “Дөнгөж мэндэлсэн нярайн дуу хадсан өрөөний өмнүүр дандааөнгөрдөгтөөбэлгэшээдэг шүү” гэж байна.Гэрийн эзэгтэй насаараа эмэгтэйчүүдийн эмчээр ажиллажээ.

Цэнджав эмч зах зээлийн шилжилтийн үед хүний амь аврахын тулд оёдлын торгон утсаар ч гэдсийг нь оёдог байснаа дурсав.

Торгон утсыг нь ариутгах спирт ч байгаагүй учраас зах дээрээс худалдаж авсан ногоон шилтэй спиртээр ариутгадаг байж. Тэр бүү хэл Эрээний зах дээрээсбинт хүртэл худалдаж авдаг байсан гэнэ. Тэрээр “Том хүнд мэс засал хийхээс хүүхдэд мэс засал хийх нь хэцүү. Бүр төрөөд хэдхэн цаг болсон алгын чинээ нярайд хүртэл мэс ажилбар хийнэ шүү дээ. Том хүн бол хаана зовиурлаж байгаагаа хэлнэ. Нялх, нярай хүүхэд тэгэхгүй.Их л сайндаа уйлна. Гэхдээ л хүүхдийн мэс заслын эмчээр ажиллана гэдэг маш их аз жаргалтай. Хүүхэд бол жижгэрүүлсэн том хүн биш. Аугаа өвөрмөц ертөнц. Оношинд нь зохицсон зөв эмнэлгийн туслалцаа үзүүлж чадах юм бол бие нь дорхноо сэргэдэг. Оношийг нь л зөв тогтоох нь чухал. Нэг ертөнц, амьдралыг үхлийн аюулаас салгаж чадвал түүн шиг баяр бахдал гэж хаа байхав. Хүүхдийн мэс заслын эмч жижигхэн алдаа гаргах төдийд л маш их эрсдлийг дагуулдаг. Ихэвчлэн хурууны үзүүр, харааны хурцаар мэс засал хийдэг. Том хүний эмч нар тархи, зүрх, хэвлийн хөндийн мэс засалч гээд мэргэшээд, түүнийгээ дагнаад явдаг бол хүүхдийн мэс засалч хүүхдийн бүхий л эд эрхтэнд мэс засал хийдэг. Зүрх, уушги, тархинаас эхлээдмэдрэлийн, хавдар авах зэрэг олон төрлийн мэс заслыг хийдэг” гэж ярилаа.

Цэнджав эмч дөнгөж төрөөд 45-хан минут болж буй нярайд гэдсийг нь хаах буюу гэдэснийх нь гадна гарсан нарийн бүдүүн гэдсийг нь хэвийн болгох хагалгаа байнга шахуу хийдэг гэнэ. Ийм төрлийн гажигтай нярай сүүлийн үед олноороо төрөх болжээ. Социализмын үед буюу өмнө нь ийм эмгэг өнөөдрийнх шиг олон байгаагүй гэнэ. Үүнээс гадна төрөлхийн улаан хоолой, бүдүүн гэдэсний битүүрэлтэй төрөх тохиолдол нэмэгдэх хандлагатай болжээ. Сүүлийн үед 4D эхо дурангаар ургийг хараадгэдэс нь гаднаа, анус битүү, ахар сүүл нь хавдартай, зүрхний цоорхойтой бол хийсвэрээр авахуулчихдаг болсон байна. Цэнджав эмч үүнд сэтгэл эмзэглэж явдаг гэнэ. “Уг нь иймэмгэгүүдийг эмчилж болдог юм шүү дээ.Тэр бүү хэл одоо үед уруул тагнайн сэтэрхийтэй хүүхдийг устгахыг дэлхий нийтээр хориглосон. Харин хавсарсан гажигтай бол эмчлэх боломжгүй” гэж ярилаа.

“Мэс заслын эмчээр олон жил ажилласан хүнд онош нь тогтоогдоход хэцүү, санаанаас гардаггүй өвчтөнүүд олон биз” гэж сонирхоход”Бий бий.2000 онд Архангай Тариат сумаас өтгөн нь хатдаг гэх оноштой нэг хүүхэд ирсэн юм. Өтгөн нь чулуужиж, түгжрээд, гэдэс нь тогоо шиг болчихсон хүүхэд. Онош нь тодорч өгдөггүй. Олонөдөр бодсоны эцэст бүдүүн гэдсэнд нь хагалгаа хийлээ. Гэтэлбүдүүн гэдэсний төгсгөл нь мэдрэлгүй болсноос үүдээд өтгөн нь түгжирсэн байсан. Нэг удаа дөрөв тавхан настай хүү доошоо цус алдаж, цусаар бөөлжин эмнэлэгт хүргэгдэж ирдэг юм. Тэр хүү элэгний судасны хагас бөглөрөлтэй учраас ходоодны амсар дахь судас нь өргөсөөд, цус алдаад байсан юм билээ. Амжилттай эмчилж чадсан шүү. Одоо тэр хүү 20 гаруй настай сайхан залуу бий. Ер нь онош нь тодрохгүй шаналж байгаа хүүхдийн оношийг зөв тогтоож эмчилсэний нэг их том амьсгаа авмаар болдог. Эрүүл саруул болоод инээж хөхрөөд гүйж явахыг нь харах жинхэнэ жаргал даа” гэж хэлээд инээмсэглэв.

Гэрийн эзэгтэй хажуугаас нь “Өвгөөн нөгөө Ховдын охины талаар яриач. Онош нь мэдэгдэхгүй хэцүүхэн байсан шүү” гэж ярианд оролцов.Эх нялхаст бөөлждөг гэдгээс өөр оношгүйохин Ховдоос хүргэгдэж иржээ. Шинжилгээгээр ямар ч өөрчлөлт илрээгүй учраас эмч нар ч сандарцгаасан гэнэ. Цэнджав эмч бүдүүн гэдэсний эргэлтийн гажигтайг нь оношилж чаджээ. Охины бүдүүн гэдэс буруу байрлалтай учраас идсэн хоолны тал нь ходоод руу нь ордог бол үлдсэн хэсгээ бөөлжөөд гаргачихдаг байж. Энэ мэтчилэн шинжилгээгээр илэрдэггүй олон өвчнийг хагалгаагаар оношийг нь тодруулж, амжилттай эмчилсэн туршлага өчнөөн юм билээ.

А.Цэнджав эмч”Шинжилгээгээр бүх өвчин илэрдэггүй. Оношоо маш зөв тавьж, ямар хагалгаа хийхээр цаг алдалгүй тогтох ёстой. Би өвчтөн хүүхдүүдээ шинжилгээ өгөхөөс нь авахуулаад дагаж явдаг. Рентген туяаны эмч нь туршлагагүй, эхоны эмч нь дутуу харсан байж болно. Тиймээс шинжилгээг нь хамт явж байж хийлгүүлэх нь маш тустай. Өнгөрсөн хугацаанд 8500-аад хагалгаа хийсэн. Одоогоос хориод жилийн өмнө хагалгаа хийж, эдгээсэн жаахан хүүхдүүд ханхар залуус, гоолиг бүсгүйчүүд болоод алхаж явахыг хараад “Би, Эх нялхсын эрүүл мэндийн үндэснийтөвийн эмч нар энэ залууст амьдрал бэлэглэсэн” гэж бодохоорбахархах сэтгэгдэл төрдөг. Хагалгаа хийсэн хүүхэд бүртэйгээ эргэх холбоотой байдаг” гэжярилаа.Мөн тэрээр гурван настай хүүхдээс хоёр кг гаруй хавдар авсан хүндхэн хагалгааг Монголдоо анх удаа хийж байсан эмч аж. Монголд анх удаа хүүхдэд эрхтэн шилжүүлэх мэс ажилбарыг ч 2012 ондхийж байжээ. Энэ хагалгаанд орсон дөрвөн настай хүү төрөлхийн элэг цөснийзамын битүүрэлтэйн улмаас элэг нь хатуурч, тархинд хүндрэл өгөөд эхэлчихсэн байж. Энэ хэвээр удвал үхэлд хүргэх аюултай байсан гэнэ. Хагалгаа маш амжилттай болсон аж.Өдгөө нэгээс найман насны 30 хүүхдэд эрхтэн шилжүүлэх ийм төрлийн хагалгаа хийх шаардлагатай байгаа гэнэ. Гэвч эргэж харахаас аргагүй нэг асуудал байгаа юм билээ. Үндсэн хуулиндаа хүүхдийн эмчилгээг үнэ төлбөргүй хийх ёстой учраас эрхтэн шилжүүлэх хагалгааг хориглодог юм байнаЭлэг шилжүүлэн суулгах хагалгааг Энэтхэгт 100 сая, Солонгост 200 сая төгрөгөөр хийдэг бол Монголд 50 сая төгрөгөөр хийх боломжтой гэнэ.

Цэнджав эмч хошигнох дуртай нэгэн. Ямар сайндаа л “Миний туйлын хоёр хүсэл бий. Үзэгчдийн аадар бороо шаагих мэт сонстох алга таших чимээн дунд Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэнджав гэж зарлуулж тайзан дээр гарч ирэх. Нөгөөх нь наадмын зүлэг ногоон дэвжээн дээр Санжаадамба зааныг гозойтол нь тонгорох” гэв. Тэрээр солгой хоолойтой урлаг уран сайхны тал дээрээ маруухан учраас бүх дууг ганц аяар л туучихдаг аж. Тийм болохоор “Би урлагт орвол ая зохиогч нар л ажилгүй болох байх даа” гээд инээлдэв.

Цэнджав эмчийнд өнжсөн хагас өдрийн хугацаанд өвчиндөө шаналсан олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн түүхийг сонссон. Ажлаа сэтгэлээсээ хийдэг гэдэг нь сонирхуулж ярьсантүүх бүрээс нь мэдрэгдэнэ. Хүүхдийн мэс заслын Цэнджав эмч гэхээр Монгол даяар андахгүй энэ эрхэмбиднийг гаргаж өгөхдөө “Мэс засал бол багийн ажил.Мэс заслын, унтуулах, сэхээн амьдруулах, сувилагч, асрагч зэрэг олон баг гар нийлэн ажллаж байж өвчтөний амийг авардаг. Түүнээс бишнэг эмч нь буруу харж зогсоод хийдэг юм биш л дээ. Өчнөөн хүний сэтгэл, хөдөлмөр нэг хүүхдийг амийг авардаг” гэсээр үдлээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрөөр хүмүүжсэн доктор профессоруудын нэг анги

“Биднийг оюутан ахуй цагт улс орон даяар ургац хураалт, мал төллөлтөөс авахуулаад хөдөө орон нутагт хашаа хороо, байр сууц барих, худаг ухах зэрэг ажилд биднийг дайчилдаг байж билээ. Гэхдээ одоогийн хэллэгээр бол “албадлагын” маягаар л биднийг ажиллуулдаг байсан хэдий ч бүгд л намар хаврын ажилд явахыг хүснэ. Ажлаа чин сэтгэлээсээ хийдэг байж дээ. Бүр ажилдаа дурлана гээч. Ер нь нэг анги хамт олны дотор бүлээн дулаан уур амьсгал бүрэлдэн тогтох, нэгнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй байх гээд одоогийн хэллэгээр жинхэнэ “супер” анги бий болоход хичээлээс гадуурх хөдөлмөр маш их нөлөөлдөг гэдгийг бид биеэрээ мэдэрсэн улс. Хөдөлмөр хүнийг бий болгосон гэдэг яах аргагүй үнэн. Хүн хөдөлмөрч, уйгагүй зан чанарынхаа ачаар орчин үеийн өнөөгийн нийгмийг бүтээж чадсан. Үүнийг одоогийн хүүхэд, залуус хэр ойлгодог юм бол. Одоогийн хүүхдүүд ч ажил гэхээр охид нь бол шал арчиж аяга угаахыг, хөвгүүд нь түлээ хагалж, ус зөөх төдийхнийг ойлгодог болж дээ” хэмээн ярилцах тэд бол одоогоос 40 гаруй жилийн өмнө буюу 1978 оны МУИС-ийн Хэлбичгийн факультетын Монгол хэл-уран зохиолын ангийг төгсөгчид. Хөдөлмөрөөр “хүмүүжсэн” тус ангиас профессор цолтон дөрөв, докторын зэрэг хамгаалсан гурван ч эрдэмтэн төрөн гарсан нь тус ангийнхны чансааг илтгэнэ.

Ойрын хэдэн жил уулзалдаагүй учраас нэг ангийнханд ярих зүйлс мундахгүй. Тэд өөр хоорондоо сонин хачин болгож ярих зүйлс нь ихэнхдээ хэдэн жил, сарын өмнө болоод өнгөрчихсөн байх жишээтэй. Гэтэл бидний хажуу ширээнд суусан залуус “Паах, аль есдүгээр сард гадаадаас ирсэн, дөрөв таван жилийн өмнө бид тэгж уулзалдсан эсвэл жилийн өмнө ингэж тэгж эмнэлэг домнолгоор явсан гээд улирч, баларсан зүйлсийг өнөөдөр, өчигдөрхөн болсон үйл явдал мэтээр их чухал ярьцгаах юм. Мөн чиг хачин улс юм аа” хэмээн жиг жуг хийцгээв. Арга ч үгүй биз. Тэднийг оюутан ахуй үед гар утас гээч байгаагүй учраас анги дээрээ л уулзалдаж, сонин хачнаа хуваалцдаг байж. Хэрэв хэн нэг нь сум орон нутаг руу удаан хугацаагаар явбал захидлаар харилцдаг байсан санж. Хижээл насанд нь гар утас, интернэт бидний хэрэглээнд нэвтэрч, түүнд дасталаа чамгүй хугацаа зарцуулсан нь лавтай. Гэхдээ даслаа даслаа гээд тэдний ихэнх нь твиттер, фейсбүүк, мэссенжир хаяггүй л болов уу. Тиймээс тэд нэг нэгнийхээ нүд рүү харж, зэрэгцэж суугаад зовлон жаргал, баяр хөөрөө хуваалцах буюу одоогийн залуусыг бодвол илүү “амьд” харилцааг эрхэмлэдэг байсан, одоо ч хэвээр. Цаашид энэ хэвшил нь юу гэж өөрчлөгдөх билээ. Ямар сайндаа нэг нь “Манай ач хүү сая сургуульд ороод оо. Хичээл нь тарсныг мэдэхийн тулд хүүтэйгээ гар утсаар ярих юм байх оо. Эхний хэд хоног нь хүргэж өгчихөөд хоёр цагийн дараа ангийнх нь хаалгыг сахиад суучихдаг байлаа. Тэгсэн чинь тартал нь нэгээс хоёр цаг хүлээнэ. Заримдаа бүр гурван ч цаг хүлээдэг байгаа. Тэгсэн намайг чинь ядраад сүйд боллоо гээд утас авч өгсөн юм. Яаж залгах, дугаараа хэрхэн хийхийг нь зааж өгөөд байтал эхэндээ будилаад манаргаж өгдөг байсан одоо арай зүгширч байгаа. Энэ “дөрвөлжин хараар” ач хүүгээ хичээлийг нь тарсан эсэхийг л мэддэг төдий. Харин та хэдтэйгээ бол уулзаж ярилцахгүй л утасны цаанаас ярьж ч чадахгүй юм билээ” гэх билээ.

Нэгдүгээр курст элсэн оруутаа намар нь тэд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн Загдал тасгийн тарианы үтрэмд ажиллажээ. Тэднийг багш нь болох хожим 1992-1996 онд УИХ-ын гишүүн,Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, академич, нэрт түүхч Ж.Болдбаатар хариуцан явжээ. Ингээд л өдөр шөнийн ээлжинд гарч, тариа буулгаж, цэвэрлээд, сортлон Улаанбаатар руу ачуулаад байх нь тэр. Тэд ядарсан үедээ бороо орохыг тэсэн ядан хүлээнэ. Учир нь хааяа нэг бороо, цас орвол хэд хоногоор амарч нуруу нь тэнийнэ. Гэхдээ л тэд бүрхэг тэнгэрийн дор майхандаа өдөржин дуулж, хуурдан, ном зохиол уншиж” заримдаа бүр намрын хүйтэн бороонд хүн малгүй зутарсан малчил айлд хүртэл тусалдаг байж. Энэ байдлыг нь багш, сургуулийн захиргаа нь сайн ойлгохгүй учраас хааяа нэг нууцаар Загдал тасгийн улаан буланг нэг сайн “доргиодог” санж. Тэдний хувьд “доргих” гэдэг ойлголт тэс ондоо. Шөнийн 12 цаг хүртэл бүжиглэж, дуулж, хөөрөлдөөд л болчих нь тэр. Их л сайндаа хөвгүүд нь саахалтын эзэгтэйг панаалдаж ганц литр нэрмэл олж, хувааж ууцгаана. Мэдээж эрүүл саруул улс өөр хоорондоо зодоон цохион хийнэ гэж байхгүй. Тэгтэл нэгэн удаа Болдбаатар багшдаа гардуулах нь тэр. Багш нь “За, манай тэр хэдэн сэгсгэрүүд болиорой! Сайхан мэдээрэй. Та нар хөдөөний залууст буруу үлгэр үзүүллээ, үдэшлэг дээр бус, хотод хэдэн найз нар цуглаад дарс шимэнгээ хийдэг бүжгийг энд хийлээ” гэж ирээд л сүрхий загнасан гэдэг.

Гуравдугаар дамжаагаа төгсдөг жил буюу 1976 оны зун тэд ангиараа Хэнтий аймгийн Баянхутаг сумын Тэмцэл нэгдлийн үхэрчин Хөдөлмөрийн баатар Данзандаржаагийнд ажиллахаар явжээ. Оюутны зуны барилгын ажил гэдэг долдугаар сард өрнөдөг их бүтээн байгуулалтын аян аж. Тийм ч учраас “ОСХГО” буюу “Оюутны социалист хөдөлмөрийн гавшгай отряд” гэж барилгын ажилд туслах цоллоно. Тэд эзгүй хээр, нүцгэн уулын аманд алдарт үхэрчний хонь үхрийн угаалгын ванныг барьж өгсөн аж. Бас хажууд нь худаг ухаж өгч. Ойр хавьд гол байхгүй, зуны халуун шатам халуунд чармай нүцгэн шахуу л ажиллаад байх нь тэр дээ. Хааяа Хэрлэн гол руу явж усанд орно. Сумын захиргаанаас нэг үхэр, хэдэн хонь ямаа өгснийг өөрснөө төхөөрч махаа бэлтгэнэ. Гурил, цагаан будаа, гоймон, давсаар хангалттай хангана. Тэр зун Улс хувьсгалын баяраар МАХ-ын 55 жил, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 45 жил, Тэмцэл нэгдлийн 20 жилийн ойн баярыг зэрэг тэмдэглэжээ. Хөвгүүд нь сумын төв орж барилдацгааж. Зодог шуудаггүй учраас цээж нүцгэлж байгаад өмд гуталтайгаа үзэж тарж дээ. Найдандорж, Зоригт нар нь гурав давж, сумын бөхчүүдийг багагүй сандаргаад авсан сурагтай. Бас дэмбээ хурууны тэмцээнд Д.Цэмбэл шөвгөрчээ. Наадмын үеэр ангийн анд, хожмын доктор Л.Бэгзжав агсан заяаны хань АУДС-ийн оюутан, Аварга хэмээх нутгийн бүсгүйтэй учирсан гэдэг. Ингэхээр тэр зуны наадам монгол хэл-уран зохиолын ангийнханд өгөөмөр хандсан байгаа биз.

Дараа жил нь тэднийг орос хэлний орчуулагчийн ангийнхантай нийлүүлэн ОСХГО болгоод Надя хэмээх орос мэргэжилтэн багшид даатгаад Хэнтий аймгийн Биндэр сум руу илгээжээ. Биндэрт дутуу баригдсан клубийн барилгыг гүйцэх даалгавартай. Тэднийг явахаас нь өмнө “Биндэрийн буриадууд айхтар аюултай, хамт ойр дотно нөхөрлөж, наргиж цэнгэж болохгүй. Алуулна гэж мэд” хэмээн баахан ятгажээ.Ихэвчлэн охидууд байсан учраас айж сандрахад хөвгүүд нь харин ч тоосон шинжгүй байжээ. Д.Баярхүүгээр толгойлуулсан Ю.Мөнхамгалан, Л.Бадраа, Д.Цэмбэл нар Ононгийн голд сэлж аваад сумын төв рүү гараад гишгэчихэж. Багш нарынх нь хэлдгээр сумын төвийн болдоггүйчүүдийн нэг болох Оргодол гэж нөхрийнд очиж хуруудаж хоножээ. Гоочилж, айлгасан хүн таарсангүй. Харин ч тэр зун буриад зоны өглөгч сэтгэлийн ачаар цөцгий, махаар тасраагүй гэдэг. Намар, хаврын ажилд дайчлагдаад дунджаар 200-300 төгрөгийн цалин авдаг байсан. Тухайн үедээ л их мөнгө. Харин энэ удаад зуны ажлын хөлс гэж 25 төгрөг өгчээ. Тэд дор хаяж 200 төгрөг өгнө гэж бат итгэчихээд зарим нь бүр тэр мөнгөө юунд зарцуулахаа ч хүртэл урьдчилаад дэвтэр дээрээ ярайтал биччихсэн байсан гэдэг. Гэсэн хэдий ч тэд мөнгөний төлөө биш өөрөө өөрсдийгөө олохын төлөө, насан туршийн найз нөхөдтэй болохын тулд, тэсвэр хатуужилтай болохоор ажлын хөлсөө огтхон ч голоогүй гэдэг.

Өдгөө тэдний ангиас олон доктор профессоруудаас гадна магистр цолтой олон бий. Тэд өдгөө их сургуулийн багш, судлаач, улс төрч, урлаг судлаач, япон, хятад хэлний орчуулагч хийж, салбартаа тэргүүлэгчид нь болон цойлжээ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, профессор цол хүртсэн Д.Дэмбэрэлдорж, Өмнөд Солонгосын Дангук их сургуульд багшилж буй профессор Ю.Мөнх-Амгалан, ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн Хятад судлалын секторын эрхлэгч агсан, доктор Л.Бэгзжав, Күнзийн соёлын төвийн монгол талын захирал, нэрт дуун хөрвүүлэгч, доктор М.Чимэдцэеэ, Арабад суугаа Монголын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан профессор, улс төр судлаач, нийтлэлч Д.Баярхүү, МУИС-ийн Япон хэлний багш Л.Энхсайхан, СУИС-ийн багш Ц.Бурмаа, Радиогийн япон хэлний редакцийн анхдагч, үүсгэн байгуулагчийн нэг, нэрт орчуулагч бий. Д.Цэмбэл, Монгол дахь энэтхэг судлалын үндсийг тавилцсан судлаач Ч.Сийлэгмаа, Монголч эрдэмтэн, Монголын нууц товчоог Франц, Румын хэл дээр орчуулсан Родика зэрэг салбар бүрийнхээ тэргүүлэгчид нь болжээ, тэд. Түүнчлэн тэд судалгаа шинжилгээнийхээ чиглэлээр тус бүрдээ өөрсдийн бүтээлийг олны хүртээл болгожээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ