Categories
мэдээ цаг-үе

Гэмт хэрэгт холбогдсон хоёр хүүхэд тутмын нэг нь эд зүйлс хулгайлсан байдаг

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ариунзаяагаас зарим зүйлийг тодрууллаа.

Он гарсаар хичнээн хүүхэд, ямар төрлийн гэмт хэрэгт холбогдсон байна вэ?

-Энэ оны эхний хоёр сарын байдлаар улсын хэмжээнд насанд хүрээгүйчүүдийн үйлдсэн 135 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 хэргээр буурчээ. Эдгээрээс хоёр хэрэг тутмын нэг нь нийслэлд үйлдэгдсэн гэх судалгаа бий. Гэмт хэргийн судалгааг төрлөөр нь авч үзвэл бусдын эд зүйлсийг хулгайлах хэрэг хамгийн их буюу 62 тохиолдолд бүртгэгдсэн бол дараагаар нь бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нийт 27 гарчээ. Түүнчлэн танхайн 11, дээрмийн найм, бусдын эд зүйлсийг булаасан зургаан тохиолдол бүртгэгдсэн.

Өөрөөр хэлбэл насанд хүрээгүйчүүд хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэж байна гэсэн үг үү?

-Насанд хүрээгүйчүүдийн үйлдэж байгаа хоёр хэрэг тутмын нэг нь бусдын эд зүйлсийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Бас дээрэм, булаалтын хэрэг ч багагүй хувийг эзэлж байгааг хэлэх хэрэгтэй.

Хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөлийг авч үзвэл?

-Ер нь насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэг үйлдэх голлох хэдэн шалтгаан нөхцөл байдаг. Наад зах нь хүүхдийн гэр бүлийн хүмүүжил, зан төлөвшил, бусдыгаа даган дуурайх, амар хялбараар мөнгөтэй болох гэсэн зэрэг сэдлүүд нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг. Дээрээс нь хулгайн гар утас, дээрмдсэн пүүз гутлыг нь борлуулдаг сүлжээ бий болчихсон байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг нэмэгдүүлэх суурь болж байгааг хэлэх хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэг үйлдэх нь буурсан ч гэмт хэгийн хохирогч болох тохиолдол нь нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Энэ нь өсвөр үеийнхний хэрэглээний өртөг өндөр болсонтой холбоотой. Үнэтэй пүүз, гар утас, гоёл чимэглэл хэрэглэх болсон нь гэмт хэргийн золиос болох эрсдлийг төдий чинээ өндөрсгөж байгаа хэрэг.

Цагдаагийн байгууллагын зүгээс хүүхдүүдийг гэмт хэрэг үйлдэх болон хэргийн золиос болохоос урьдчилан сэргийлж ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хамгийн түрүүнд бүртгэгдсэн гэмт хэргүүдэд дүгнэлт хийнэ. Тухайлбал хэдээс хэдэн насны хүүхдүүд, хэдийд, ямар төрлийн гэмт хэргийн золиос болох магадлал хамгийн өндөр болохыг гаргадаг. Хэргийн золиос болохоос гадна үйлдэж буй гэмт хэргийг нь ч бас энэ мэтчилэн судална. Энэхүү дүгнэлт, судалгаан дээр үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. Судалгаагаар 14-өөс 17 насныхан 13-аас 14 болон 17-19 цагийн хооронд гэмт хэрэгт хамгийн их холбогддог нь тогтоогдсон.

Эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулж, хэнтэй нөхөрлөж, хаана юу хийхээс гадна, чөлөөт цагаараа юу хийж байгааг мэдэж байх шаардлагатай. Түүнчлэн танихгүй хэн нэгэнтэй маргалдахгүй, шөнө оройн цагаар сэлгүүцэхгүй байхыг хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаас ресторан, зоогийн газрууд 20 нас хүрээгүй иргэнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, компьютер тоглоомын газар есөн нас хүрээгүй хүүхдэд үйлчлэхгүй, хоёр цагаас хэтрүүлж тоглуулахгүй байх дүрэм журмаа чандлан сахиж ажиллах шаардлагатай байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “School police” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн намраас тус төслийг хэрэгжүүлсэн нь сургууль орчимд гэмт хэрэг гарах, хүүхдүүд хэрэгт холбогдох тохиолдол эрс буурахад чухал нөлөө үзүүлсэн. Өнөөг хүртэл 97 мянга гаруй эцэг эх сургууль орчимд эргүүл хийсэн.

М.УУГАНЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүл мэт эвтэй нэг ангийнхан

“Манай ангийн охидууд дунд сургуульд байхдаа тоотой хэдхэн удаа л худаг, голоос ус зөөсөн байх. Аав, ах нь хот хүрээ явбал хөвгүүд ялархаж, залхууралгүй модыг нь хагалж, хөрөөдөж өгдөг байсан даа. Бас хашаа саравч хатгах, байшин, пин барих зэрэгт хэнийгээ ч ялгалгүй бүгд очиж тусална. Тэгээд ч аав, ээж нар хар бор ажилд нухлагдаж, өөрийн гараар тэр бүгдийг амжуулж байж хожим айл гэрийн ноён нуруу, өмөг түшиг эр хүн болно гэдэг байсансан. Үнэхээр хөдөлмөрч, тусч байснаараа хүн мууддаггүй юм байна шүү” гэвэл “Харин тийм ээ. Одоо би дүү нартаа энэ тухай ярихаар огт итгэдэггүй юм. Хөвгүүд маань болж өгвөл биднээр хар бор ажил хийлгүүлэлгүй, чадлынхаа хэрээр тусалдагсан. Тэр үед чинь хамаг ажлаа хийлгүүлж хийлгүүлчихээд баярлалаа гэхийн оронд “Хөөе, одоо та нар яв аа. Наад хөрөөдсөн түлээгээ хагалчихад болно. Үлдсэнийг нь ирэх долоо хоногоос хөрөөд” гээд хөөх нь холгүй хашаанаасаа гаргадаг байсан. Өвлийн хүйтэнд зуны пүүз, бакаал хөлөндөө углаж, ороолт ороох нь бүү хэл малгай ч толгой дээрээ тавиагүй, улаан хацарлаж, бээвийж зогсоо хөвгүүдээ гэртээ оруулж халуун цай ч болох нь ээ өгөхгүй яасан юм бол доо гэж одоо ч хүртэл бодогддог” гэцгээв. Тэд бол Монгол улсын төрийн нэрт зүтгэлтэн Солийн Данзангийн нэрэмжит Архангай аймгийн Хотонт сумын бүрэн дунд сургуулийн Ч.Оюунгэрэл багштай 2002 оны төгсөгчид юм. Арав гаруй жилийн дараа ийн ангиараа уулзалдаж байгаа нь энэ аж. Ангийн багш Ч.Оюунгэрэл “Ангийнхаа хүүхдүүдийг хаана юу хийж явааг нь мэдмээр санагддаг. Тэр дүрсгүй хөвгүүн томоожсон болов уу, энэ сурлагатай охин хүссэн сургуульдаа орж чадсан болов уу гэх зэргээр өөрөөсөө хий дэмий шалгаана. Та нарыгаа сайн сайхан явааг сонсоод багш нь магнай тэнийдэг. Харин азаар ямар вөөк гэлээ дээ, (энэ нь фэйсбүүкийг хэлж байгаа бололтой) тийм юм гарч ирээд олон жил уулзалдаагүй нэг ангийнхан, найз нөхөд, хамаатан садангуудыг учруулдаг болсон байна лээ. Багш нь хүүхдээрээ нэг хаяг нээлгүүлсэн юм. Би хэрэглэдэггүй юм.

Харин охин маань та тийм хүн таних уу, тантай найз болох хүсэлт илгээсэн байна лээ” гэдэг юм. Тэгтэл саяхан та хэд маань миний хаяг руу захидал бичээд, тэгж нэг юм холбогдлоо” гэв.

Тэгснээ “Энэ чинь манай Д.Отгонгэрэл байх шив дээ. Цаана нь Ж.Баярхүү, Г.Бям­басүрэн, Т.Доржпүрэв гурав сууж байна. Охидууд маань будаж, шунхдаад бүгдээрээ танигдахын аргагүй гоолиг хүүхнүүд болжээ. Тэр нүдний шилтэй бодвол Э.Дуламсүрэн маань байх. Г.Алтанцэцэгийгээ бумбагар хацраар нь таньж байна” гэхчилэн зэрэгцэн суугаа шавь нараа нүдээрээ бүртгэж гарлаа.

Д.Отгонгэрэл “Ангиараа цугласан юм чинь эхлээд дурсгалын зургаа татуулъя. Уул­залтын дараа зургаа харж, хөгжилтэй үеэ дурсацгаана шүү дээ” гэвэл бусад нь уриалгахан зөвшөөрөв. Тэгтэл багш нь “Аан тэгвэл энэ зургийг өнөөх вөөкээрээ авч болох уу” гэвэл “Танд фейсбүүкээрээ явуулчихна аа” гэцгээв. П.Ариунжаргал “Есдүгээр ангидаа сумынхаа төвд ирсэн нисдэг тэрэгний хажууд ангиараа зургаа авахуулж байсан санаанд орчихлоо. 2001 оны одоогийн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж Ерөнхийлөгчийн сон­гуульд өрсөлдөөд, манай суманд сурталчилгаагаа хийхээр нисдэг тэрэгтэй ирснийг та нар санаж байна уу” хэмээн асуув. “Санаж байна” хэмээн бүгд толгой дохив. Ж.Баярхүү “Би ахынхаа хальсны аппаратыг аваад очтол үзвэр үзэж байгаа аятай нисдэг тэргийг тойроод хөгшин залуу гэлтгүй өчнөөн хүн цугларчихаж. Нисдэг тэрэгний ойр орчимд цагдаа нар зогсчихоод, ер ойртуулдаггүй. Тэгэхээр нь цагдаагаас нь сөгдөх шахам гуйж байгаад нисдэг тэрэгний дэргэд О.Батболдоороо зургаа авахуулсан. Дараа нь О.Батболдынхоо зургийг дарчихаад зорьсон хэргээ бүтээсэн хоёр додьгор амьтан буцах гэтэл Л.Эрдэнэтуяа, Л.Баярмаа, Г.Наран­цацралт, П.Одонтуяа зэрэг ангийн охидууд ирчихээд “Хөөе, та хоёр яасан өөдгүй юм бэ. Бидний зургийг бас аваад өг л дөө” гээд гуйгаад салдаггүй. “32-ийн пилонктой. Ах нэлээд хэдэн зураг дарсан байх. Одоо ганц хоёрхон зураг дараад хальс нь дуусна. За яахав, ганцхан шүү. Оронд нь маргаашийн тооны шалгалт дээр хуу­луулаарай” гэнгүүт дэвтэр рүүгээ хялайлгадаггүй өнөөх охидууд чинь “Тэгэлгүй яахав. Эхлээд чиний вариантыг хийж өгөөд, дараа нь өөрсдийнхөө бодлогыг бодно” гэсэн дээ“ гээд уухайн тас зөвшөөрсөн” гэв. С.Ариунтунгалаг “Юуных нь ганцхан зураг дарах. Ангийнхан бараг бүгд ирээд жагсчихаа биз дээ. Би тэрэнтэй авахуулна эсвэл ганцаараа гэсээр ахын чинь хальсыг дуус­гачихсан ш дээ. Тэгээд чи ахдаа юу гэж хэлнэ ээ гээд муухай царайлаад байснаа санаж байна уу” гэвэл “Саналгүй дээ. Харин ч ах загнаагүй. Өөрт нь ахиад нэг байсан юм байна лээ. Байгаагүй бол ч хэцүүднэ л дээ” гээд инээлдэцгээв.

Дунд сургуулиа төгсөх жил бараг хүүхэд бүхэн дурсгалын дэвтэр нээж, ангийнхан дундаа аялуулжээ. Харин саях­наас ангийн дарга Э.Дуламсүрэн уг дэвтэрт нь хүн бүрийн үлдээсэн дурсгалыг оруулжээ. Ангийнхан нь “Нямбай, хариуцлагатайгаараа ангийн даргын дурсгалын дэвтэр 13 дахь хавраа үзэж байна даа. Хөөрхий биднийх хэдхэн сарын дараа хуудсаараа хэдэн хэсэг салаад алга болсон. Уг нь нандигнаад хадгалсан бол одоо харж суухад сайхан дурсамж байхгүй юу” хэмээн өөр хоорондоо ярилцав. Эдний ангийнхан сур­гуулийнхаа урлагийн үзлэгт тогтмол хоёрдугаар байрт шалгардаг байж. Г.Ариунзаяа “Есдүгээр ангийн урлагийн үзлэгээр Д.Отгонгэрэлийг Ардын жүжигчин А.Долгорыг дуурайлгаж, хувцаслаад, “Аргалд явсан ээж”-ийг нь дуулуулсан. Таарах даашинз олдохгүй болохоор нь ангийнхаа цагаан чүүлээр биеийг нь ороогоод, нүүр амыг нь жигтэйхэн будаж, шунхдаад гаргаж дуулуулсан. Үзэгчид элгээ хөштөл инээсэнсэн” хэмээн хуучлав. Тэгтэл Т.Доржпүрэв “Ангийн ганцхан дуучин нь Отгоо байгаагүй шүү. Тэгж яривал С.Гэндэн, Э.Чой нартайгаа Хамар хашааны гурав гэсэн хамтлагаа байгуулаад амжсан. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр шилд­гээр тодронгуутаа хамтлагтаа шууд энэ нэрээ өгөөд уран бүтээлдээ шуударч билээ. Харамсалтай нь ая, шүлэг зохиож дуу хийнэ гэдэг амаргүй гэдгийг тэгэхэд л мэдсэн” гэнгүүт бусад нь “Тэгээд танай хамтлаг хэзээ уран бүтээлийн бие даасан цомгоо гаргах гэж байна” хэмээн тохуурхан асуутал “Гэхдээ өөрс­дийн бие даасан цомог бүү хэл анхныхаа уран бүтээлийг ч гаргаж чадахгүй л явна. Гэхдээ манай хамтлагийнхан тараагүй байгаа шүү” гэцгээн бөөн инээдэм болов. Тэд бас цэргийн баярыг тохиолдуулан аймгийн хэмжээнд жил бүр зохиогддог уралдаант хөгжөөнт “Дэвжээ” тэмцээнд хоёр ч удаа аваргалжээ. Ангиа төлөөлж орсон арав гаруй хүүхдүүд нь бүгд цэрэг хувцсаар жигдэрч байжээ. Тэд “Бүхэл бүтэн цэргийн хувцсаар байтугай оймсоор жигдрэхэд хэцүүхэн байсан тухайн үед манайхан шууд л аймагтаа аваргалсан. Улсын тэмцээнд ч бас амжилттай оролцсон” гэцгээв.

Тэд 1992 онд нэгдүгээр ангид элсэн орсон бөгөөд тухайн үед нэгдүгээр ангиас нь кирилл үсэг бус шууд монгол бичиг зааж эхэлжээ. Гар утас, интернэт, фейсбүүкгүй тухайн үед тэд захиагаар харилцдаг байжээ. Таалагддаг охиндоо хөвгүүд нь захиа бичнэ. Харин охидууд нь захианых нь учрыг олдоггүй байсан тухайгаа тэд “Бидэнд нэгдүгээр ангиас монгол бичиг зааж байгаад дунд ангиас кирилл бичгийг “А” үсгээс нь эхлүүлээд заасан. Ахлах ангиасаа нэгнээ шохоорхож эхлээд, захиа солилцож эхэлнэ биз дээ. Тэгтэл хөвгүүдийн захиа бөөн үг үсгийн алдаа. Наад зах нь Хайртай гэдгээ Хартай гээд эхэлнэ. Й үсгийг нь орхичиход л утга нь шал эсрэгээрээ болчихно” хэмээв. Л.Эбум “Ч.Батбаатараас надад захиа ирэхээр нь үг үсгийн алдааг нь нэгд нэгэнгүй засаад, төгсгөлд нь алдаагүй бичиж сурчихаад намайг үерхье гэж гуйгаарай” гэж бичээд өгчихсөн. Баатараа маань уншчихаад тэр өдөр хичээлээ таслаад алга болчихсон. Хичээлийн дараа би очиж уучлал гуйгаад, маргааш нь хичээлдээ ирж байсан” гэв. Ч.Батбаатар “Өө нээрээ тэгж байсан билүү. Би мартчихаж. Бодвол их ичсэн юм байлгүй” гээд толгойгоо маажив.

Тэд шинэ жилээр гэр гэртээ хоол хийж ирээд ангидаа тэмдэглэдэг байсан гэнэ. Цуйван, будаатай хуурга, бууз баншаа гэртээ бэлдэж ирээд, түүгээрээ ангидаа ширээ засдаг байжээ. Бүр нэг удаа ангийн талаас илүү нь шөлтэй хоол хийгээд иржээ. Зарим нь бүр мах чанаад авчирчээ. Бужигналдаж, тоглож, бүжиглээд орой харих болоход ширээн дээрх хоол унднаас хэн ч хороогоогүй байдагсанж. Тэгэнгүүт нь нохойд бүгдийг нь өгчихдөг байсан тухайгаа ч хөөрөлдөв.

Өмнө нь тэд Зая гэгээн Лувсанданзан Пүлжин­жигмидийн их дацанг барихад өргөл өргөсөн бол энэ удаад “Их майдар” төсөлд хандив өргөхөөр тогтсон юм. Түүнчлэн энэ жил Хотонт сумын төрөлх дунд сургуулийнх нь 90 жилийн ой тохиож байгаа учраас газар зүйн танхимыг тохижуулж өгөхөөр болжээ. Учир нь тэд газарзүйн хичээлдээ тун ч сонирхолтой байж.

Багш Ч.Оюунгэрэл “Манай ангийнхан чинь төгсөлтийн монгол хэл, математикийн шалгалтаа бүгд онц сайн дүнтэй өгсөн. Энэ нь манай сургуулийн түүхэнд анх удаагаа 36 сурагч бүгд ийм өндөр дүнтэй шалгуулсан тохиолдол болсон. Ангийн маань тааруухан сурдаг хүүхдүүд хичээвэл сайн сурч болох юм байна гэдгийг өөрснөө дор бүрнээ сайн ухамсарлацгаасан. Тийм ч болохоор оюутан болоод багш нарынхаа чихийг халууцуулж, эцэг эхийнхээ нүүрийг түлээгүй. Одоо хэн ч асуусан эрхэлсэн ажилтай, тогтсон байр суурьтай та нараараа бахархаж байна” гэсэн юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Цээл сумын иргэн Б.Төрбат: “Еос” компани бичиг баримтаа хуурамчаар үйлдэн, тусгай зөвшөөрлөө сунгуулдаг байсан

-ЦЭЭЛ СУМАА ЗЭРГЭЛДЭЭХ ЗААМАР ШИГ БОЛГОМООРГҮЙ БАЙНА-

Төв аймгийн Цээл сумын иргэд Хятадын хөрөнгө оруулалттай “Еос” компанийн үйл ажиллагааг эсэргүүцэн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Учир нь тус компани 2008 оноос Цээл сумын Засаг даргын гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдэн тусгай зөвшөөрлөө сунгасаар ирснээс гадна хайгуулын талбай болох 3000 га газарт соёлын үнэт өв болох хадны сүг зураг, хиргэсүүрээс гадна цэнгэг уст нуурын ундарга багтжээ. Үүнээс гадна хоёр ч тусгай зөвшөөрөл Цээл суманд олгожээ. Шүүх хурал өчигдөр болсон бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ. Тус хэргийн талаар Цээл сумын иргэн Б.Төрбатаас тодрууллаа.

-Анхан шатны шүүхийн шийдвэр “Еос” компанийн талд гарсан. Энэ нь Цээл сумын Засаг даргын гарын үсэг, тамгыг удаа дараа хуурамчаар үйлдсэнийг харгалзалгүй шийдвэрээ гаргасан гэсэн үг үү?

-Чухам ийм л учраас “Еос” компанийг шүүхэд өгсөн хэрэг. Ард иргэд нь, удирдлагууд нь зөвшөөрөх нь бүү хэл энэ талаар мэдээгүй байтал гэнэт гарч ирснээ газар шороог нь ухна, алтыг нь авна гэж болохгүй биз дээ. Тус компани Цээл сумын Лүн толгой хэмээх газарт 3000 га газарт хайгуулын лиценз эзэмшдэг байсан юм байна лээ. Энэ бол тусгай зөвшөөрөл эзэмшдэг гурван талбайн нэг нь шүү дээ. Лүн толгойд өнгөрсөн хугацаанд хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байгаад одооноос ухаж, олборлож эхлэх гэсэн хэрэг. Энэ талаар сумын иргэд, удирдлагууд өнгөрсөн нэгдүгээр сард мэдсэн. Уг нь бол хайгуулын лицензийн ажлын төлөвлөгөөг сумын Засаг даргаар жил бүр батлуулж, гарын үсгийг нь зуруулах ёстой байдаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд Засаг даргын гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдэн хайгуулын төлөвлөгөөгөө сунгасаар өдийг хүрсэн гэсэн үг. Ингээд 2014 оны арванхоёрдугаар сард Цээл сумын Засаг дарга М.Ганбаттай уулзан, хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулахыг оролдсон. Түүхийн үнэт өвөөс гадна урт нэрт хуулиар хамгаалагдсан нуур, ундны усны эх үүсвэр бүхий газраа ухуулахыг хүсээгүй учраас татгалзсан хариу өгтөл үйл ажиллагаанд саад болсон гэх нэрийдлээр “Еос” компани шүүхэд хандсан. Харин Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Засаг даргыг хайгуулын төлөвлөгөөнд нь гарын үсэг зурах шийдвэр гаргасан. Өмнө нь Засаг даргын гарын үсгийг хуурамчаар үйлдэж байсныг тогтоосоор атал шүүх хурал огт авч хэлэлцээгүй. Цээл сумын иргэд, удирдлагууд анхан шатны шүүхийн тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Нийслэлийн анхан шатны давж заалдах шатны шүүхэд хандсан хэрэг. Хэргийг хянаж үзээд, нотлох баримтууд дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан.

-Нутаг орноо унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд Цээл сумын иргэд нэгдэн төрийн бус байгууллага байгуулсан гэлүү?

-“Өгөөж баян Цээлээ аваръя” хэмээх төрийн бус байгууллагатай болоод хэдхэн хоногийн өмнө албан ёсоор бүртгүүлж, тамга тэмдгээ авлаа. Өвөг дээдсийнхээ булш бунханг хөндүүлж, түүхийн дурсгалт газраа сүйтгүүлж, газар шороо нуур цөөрмийг нь ухсан шороо болгохгүйн төлөө сумын иргэд нэгдэж, алтны олборлолт хийлгүүлэхийг эсэргүүцэн гарын үсгээ бүгд зурсан. Хайгуулын лицензийн талбайд 1921 оноос өмнө үед хамаарах “Бурхан багшийн хөрөг”, “Хийморийн морь”, “Маанийн зургаан үсэг”,“Газар усны маань” хэмээх хадан дээрх сүг зургууд, газар тариалан, хадлангийн талбайгаас гадна орон нутгийн хамгаалалт тусгай хамгаалалт бүхий “Бурхантай нуур” хүртэл багтаж байгаа. Урт нэрт хуулинд зааснаар тухайн орон нутагт уул уурхайн олборлолт хийх гэж байгаа бол иргэдээс нь зөвшөөрөл авах ёстой гэсэн. Бас усны эх, ойн сав газраас 200 метрийн зайтай ашигт малтмалын олборлолт явуулах ёстой. Шороон орд учраас тэнд нь боловсруулна гэсэн үг. Тэнд нь боловсруулна гэдэг нь Бурхантай нуурын усыг ашиглана л гэсэн үг. Ойр орчмыг нь сэндийчээд, дээрээс нь усаар нь өдөр шөнөгүй алт угаахаар чинь дорхноо ширгэнэ. Тэгтэл “Еос” компанийн захирал Өлзийбаяр “Тэр нуур гээд байгаа чинь шалбааг л байна ш дээ” гэж нутгийн иргэд биднээр тохуу хийсэн. Өлзийбаярт шалбааг бол бидэнд 10 хүрэхгүй га газрыг хамардаг амин нуур минь юм. Эндээсээ хүн малгүй ундаалдаг юм. Манай сум гол горхигүй учраас “Бурхантай”, “Гэзгэн тасархай”, “Сүүл”, “Цайдам” зэрэг хэдхэн нууртай. Бас болоогүй ээ, “Манийн зургаан үсэг зэрэг хадны сүг зургийг чинь тойруулаад ухчихъя” гэж биднийг доромжилсон. Яагаад гэвэл томоо гэгчийн цул хадан дээр бүгд сийлэгдсэн учраас ойр хавийг нь ухаж, сэндийлж, доргиохоор эвдэрч сүйдэх нь гарцаагүй.

-Уг нь танай сум улаанбуудай, хүнсний ногоо, хадлан тэжээлийн тариалалтаараа аймагтаа эхэнд нь явдаг гэсэн байх аа?

-“Еос” компанийн хайгуулын эрхэнд хамаарах тэрхүү газар манай сумын газар тариалан, хадлангийн гол бүс. Бид ухдаг бус ургадаг алтыг тариалж, мал сүргийнхээ ашиг шимээр амь зуудаг. Улаанбуудай бол ургадаг алт юм шүү дээ. Өнгөрсөн онд манай сум 21 мянган тонн улаанбуудай, 50 гаруй мянган тонн хадлан тэжээл бэлтгэж, малчдадаа тараахаас гадна улсын нөөцөд жил бүр тушаадаг. Тэнд байгаа алтны нөөц нь 500 кг хүрэхтэй үгүйтэй хэмээн нутгийнхан ярьж байна лээ. Ер нь түүнээс илүү ч байсан хэдхэн жилийн дотор ухаж гаргаад, гадагш нь зөөчихнө. Тэгвэл эрүүл ухаантай хэн нь бодсон ийм их өгөөж арвинтай сайхан хангайгаа хэдхэн жилийн дотор сүйтгүүлээд, мал хуй нь харангадаж, хүн амьтан нь дайжсан газар болгох уу эсвэл унаган төрхийг нь хэвээр үлдээж, өвөг дээдсийнхээ шарилыг хөндөхгүй авч үлдэн, тэндээ үе удмаараа тавтай сайхан амьдрах уу гэдгээс сонголтоо хийх болчихоод байна.

Манай сум элсэрхэг, зөөлөн хөрстэй учраас тэнд хөрсийг нь сэндийлж ухаад, энд тэндгүй ачааны автомашин холхиод эхлэх юм бол дорхноо сүйднэ. Дээр нь эргэж нөхөн төлжихдөө тун удаан. Алтны олборлолт эхлэх юм бол тэнд тоосжилт үүсч, агаарын хуурайшилт бий болно. Агаар нь хуурай болохоор бороо хур орохгүй шүү дээ. Хургүйгээр тариа ногоо, өвс ургамал ургахгүй. Нуур цөөрөм нь ч ширгэнэ. Нэг үгээр хэлбэл тэнд хүн мал амьдрах нөхцөлгүй болно. Жил бүр хамгийн их хадлан, тариа ногоог манай сумаас л хурааж авдаг. Төрж өссөн газар нутгаа ухсан нүх овоолсон шороо болгочихвол мал сүрэг нь юу идэж, хүн амьтан нь хаанаас ундаалж, тариа ногоо хадлангаа хэрхэн тарих юм бэ. Зун намартаа Бурхантай нуурынхаа эргэн тойронд нутагладаг.

-Танай сум хичнээн толгой малтай билээ?

-150 гаруй мянган тоо толгой малтай. Бас700-аад өрх, 2800 гаруй хүн амтай. Харийн мөнгөтэй хэн нэгэн, эх оронд минь ирээд, газар шороог нь хүссэнээрээ ухаж сэндийчиж, баялгийг нь цөлмөөд байж боломгүй л санагдах юм. Энэ улс орон чинь төртэй, хууль цаазтай. Тэр нь бүгд нь ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг гэж ард түмэн бид санадаг шүү. Тиймээс шүүхийн шийдвэр ард түмний талд гарна гэдэгт итгэлтэй байна. Алтны олборлолт явагдсан орон нутаг газар шороо ямар болдгийг манай сумынхан сайн мэднэ. Зэргэлдээх Заамар сум байж л байна. Сумаа би ирээдүйн бас нэгэн Заамар болгохгүйн төлөө тэмцэнэ

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ломбард барьцааны эд зүйлсийг зарвал олгосон зээлээ хүүгийн хамт суутгаад үлдсэн мөнгийг эзэнд нь өгөх ёстой

Хүний эрхийн үндэсний комиссын гомдол, хяналт шалгалт хариуцсан референт Т.Ихтамиртай ярилцлаа.

-Сүүлийн үед иргэдийн өмчлөх эрхэнд барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардууд халдах болсон талаар мэдээлэл гарах боллоо. Энэ хэр үнэний ортой вэ?

– Ломбардны үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт гэж бий. Тодруулбал Иргэний хуульд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зохицуулсан заалтууд орсноос гадна барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай стандарт хүртэл байдаг. ХЭҮК-оос эдгээр эрх зүйн зохицуулалтуудын хэрэгжилтийг шалгах үүднээс өнгөрсөн оны аравдугаар сард Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран нийслэлийн зургаан дүүргийн 30 гаруй ломбардны барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу иргэдийн өмчлөх эрхийн хэрэгжилтийг шалгасан. Нийслэлийн хэмжээнд 330 гаруй ломбард үйл ажиллагаа явуулж байснаас түүвэрлэн сонгосон гэсэн үг. Ломбардууд эртний болон алт мөнгөн эдлэл, гар утас, 9911-тэй дугаар, зөөврийн компьютер, гэр ахуйн цахилгаан бараа, тэр бүү хэл пүүз хүртэл барьцаалан, зээл олгодог.

Наад зах нь ломбард найман м.кв талбайд үйл ажиллагаа явуулахаас гадна барьцааны эд зүйлсийн хадгалалт хамгаалалт, аюулгүйн дохиолол хамгаалалтын стандартыг хуулинд заагаад өгчихсөн. Гэсэн хэдий ч хүндрүүлэгчтэй сейфгүй, подваль, хүнсний дэлгүүрийн хажууд ломбард байх нь элбэг. Цаашилбал иргэний хуульд зааснаар барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард хүүг иргэдтэй харилцан тохиролцоно гэсэн байдаг. Гэтэл бодит амьдрал дээр тэгдэггүй. Ломбардны тогтоосон хүүг л иргэд төлдөг. Ломбард иргэдэд зээл олгохдоо хийдэг гэрээ нь хуульд заасан шаардлагуудыг тэр бүр хангадаггүй. Хамгийн гол нь зээлийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд ломбард барьцааны эд зүйлсийг худалдан борлуулж хохирлоо гаргаж авдаг. Гэхдээ үүнээс өмнө мэдээж эздэд нь мэдэгдэх ёстой. Гэтэл ихэнх ломбардууд мэдэгддэггүй болох нь шалгалтаар тогтоогдсон. Энэ тохиолдолд 10 хоногийн дотор эздэд нь мэдэгдэж, эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулах ёстой. Ингэж зээлдүүлсэн мөнгөө, хүү, алдангийн хамт олж авахаар зохицуулагдсан. Харин үлдсэн мөнгийг эздэд нь буцаан олгох ёстой. Энэхүү хуулийн заалт огт хэрэгждэггүй.

-Үлдсэн мөнгийг нь иргэдэд буцаан олгоно гэснээ тайлбарлахгүй юу? Өөрөөр хэлбэл иргэд эд зүйлсээ ломбарданд тавиад эргүүлж авч чадахгүй байх нь элбэг. Тэгвэл энэ тохиолдолд тухайн эд зүйлсийг зараад олсон орлого бүгд ломбардных биш гэсэн үг үү?

-Яг тийм. Ойлгомжтой байх үүднээс жишээ авч тайлбарлая л даа. Бат 600 мянган төгрөгийн үнэ бүхий монетон гинжээ ломбарданд 200 мянгаар тавилаа гэж бодъё. Санхүүгийн боломжгүй учраас сарын дараа Бат гинжээ авах нь бүү хэл хүүг нь ч өгч чадахааргүй болсон тохиолдолд өөрт нь мэдэгдсэний үндсэн дээр дээрх эд зүйлсийг худалддаг. Манайд л хуулийн заалт нь хэрэгждэггүй болохоос ломбарданд хураагдсан эд зүйлсийг уг нь дуудлага худалдаагаар зарах ёстой. Гэхдээ л зах зээлийн ханшаас буулгалаа буулгалаа гэхэд гинжээ 400 мянган төгрөгөөр борлууллаа гэж бодвол үндсэн зээл болох 200 мянга, хүү 30 мянган төгрөгийг л ломбард авах ёстой. Алданги тооцлоо гэхэд хамгийн ихдээ 240 мянган төгрөг ломбардны орлого. Үлдсэн 160 мянган төгрөгийг Батад эргүүлэн олгох ёстой. Тэгтэл ломбарданд эд зүйлсээ тавиад алдсан иргэд энэ маягаар нөхөн төлбөр авдаггүй шүү дээ. Хугацаа хэтэрсэн тохиолдолд эд зүйлсээ авахаар очтол өөдөөс нь “Зарчихсаан” гэвэл “Өө тийм үү” л гэхээс “Тэгвэл зөрүү мөнгөө авъя. Хэдэн төгрөгөөр зараад, хүү, үндсэн төлбөр болон алдангид хэдийг суутгаад цаана нь хэд үлдсэн юм. Үлдсэн мөнгийг нь авъя” гэж хэлдэг хүн байдаггүй. Нөгөө талаас иргэдийн барьцаанд тавьсан эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулсан ашгаас үндсэн зээл, хүүг нь суутгаад, үлдсэн мөнгийг олгодог ломбард ч гэж байдаггүй.

-Иргэдийн барьцааны эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулаад, зээлсэн мөнгө, хүүг хасаад, үлдэгдлийг нь иргэдэд олгох ёстой гэлээ. Хэрэв үүнийг зөрчсөн тохиолдолд иргэд шүүхэд хандах ёстой гэсэн үг үү?

-Иргэд энэ тухай мэддэг бол анхлан зээлийн гэрээ хийхдээ л үүнийг тусгаж өгөх ёстой. Гэрээнд тусгаагүй ч гэсэн иргэний өмчлөх эрхэнд халдсан тухайн ломбардаас хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй. Харамсалтай нь иргэд үүнийг тэр бүр мэддэггүй. Ломбардууд барьцааны эд зүйлсийг зах зээлийн ханшаас хэд дахин доогуур үнэлдэг учраас ломбарданд эд зүйлсээ хураалгасан тохиолдолд иргэд маш их хохирдог.

-Автомашин барьцаалан зээл олгодог ломбардууд барьцааны автомашин байршуулах дулаан гарааш, зориулалтын авто зогсоолтой байх ёстой гэдэг байх аа?

-Барьцаанд байгаа эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг ломбардууд хариуцах ёстой. Гэтэл барьцааны автомашиныг ил зогсоол эсвэл гэр хороололд айлын хашаанд орхичихдог дутагдал түгээмэл. Будаг нь холцорч, толь нь хагарсан тохиолдолд тухайн автомашины үнэлэмж буурна. Бас автомашинаа унаад зээл авч буй иргэд тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ ломбарданд шилжүүлдэг. Өөрөө унаад яваад байгаа ч хөдлөх хөрөнгө нь ломбардны эзэмшлийнх болдог. Ингэж өмчлөх эрхийг аж ахуй нэгжид шилжүүлснээрээ тухайн машиныг захиран зарцуулах, зарах бүрэн эрх нь ломбарданд бий болно гэсэн үг. Үүнтэй холбоотой цөөнгүй маргаан холбогдох газруудад бүртгэгдсэн байсан.

-Ломбардууд энэ мэт хүний өмчлөх эрхийг зөрчиж байгаа нь тогтоогдчихож. ХЭҮК-ийн зүгээс дээрх асуудлуудыг цэгцлэх үүднээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Одоо бол барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой эрхзүйн орчин нь бүрдсэн хэдий ч үүний хэрэгжилт хангалтгүй байгаа нь харагдаж байна. Ломбардны үйл ажиллагаанд хяналт тавих, үйл ажиллагааных нь хэрэгжилтийг хангуулах эрх бүхий субьект нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Банкны үйл ажиллагаанд Монгол банк хяналт тавьдаг бол банк бус санхүүгийн байгууллагад Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавьдаг. Гэтэл ломбардуудын үйл ажиллагаанд хяналт тавьдаг субьект байдаггүй учраас хүүгээ тохиролцдоггүй, барьцааны хөрөнгийг зарсан тохиолдолд зөрүү мөнгийг нь эзэнд нь эргүүлэн олгодоггүй.

Бас Иргэний хууль, Монгол Улсын стандартыг зөрчсөн ломбардуудад хүлээлгэх хариуцлагын механизм тодорхой биш. Иргэдийн өмчлөх эрхийг хангах үүднээс ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зайлшгүй журамлах шаардлагатай гэдэг үүднээс ХЭҮК-ийн гишүүний зөвлөмжийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд хүргүүлсэн. Засаг дарга зөвлөмжийг хүлээн авч, барьцаалан зээлдүүлэх журмын төслийг энэ хаврын НИТХ-аар хэлэлцүүлэх болсон тухайгаа бидэнд мэдэгдсэн. Дүүргүүдийн худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсүүд харьяаны ломбардуудад зөвшөөрөл олгодог. Энэ нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явуулах уу гэдгээсээ аж ахуйн талаас нь анхаарч зөвшөөрөл олгодог.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батнасан: Найман настайгаас бөхийн тайлбар сонсож эхэлсэн

Үндэсний бөхийн ахлах тайлбарлагч, СТА, аймгийн начин Ц.Батнасантай ярилцлаа.

-Та төрсөн нутгийнхаа тухай сонирхуулахгүй юу?

-Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Тэнгэлэг багийн малчин айлын хүүхэд. Говь нутгийнхан цэлгэр уудамхөндий, талнутаг шигээ уужим сэтгэлтэй ард түмэн. Манай нутгаасурлаг соёлын алдартанолон төрсөн. Үүнээс гадна надтай мөр зэрэгцэн үндэсний бөх тайлбарладагтайлбарлагчдаасгадна хөдөө орон нутагтаа бөхийнтайлбарыг шаггүй хийчихдэг залуучууд олон бий. Тухайлбал 2012 онд Хэнтий аймагт бөх тайлбарлагч нарын улсын уралдаан болоход манай аймгаас хамгийн олон буюу 13 хүн оролцож байсан.Ер нь манайнутгийхан шооч, наргианч бэлэн цэцэн үгтэй хүмүүс маш их байдаг шүү .

-Хэдийнээс монгол бөхөд шимтэж эхлэв?

-Найман настайгаасаа л үндэсний бөхийг шимтэн сонсдог байсан. Хөдөө орон нутагт бол Цагаан сар, Улсын баярын бөхийн барилдааныг шууд дамжуулдаг байсан. Хааяа нэг тэмдэглэлт ойн баярын арга хэмжээнд зориулсан барилдаан болно. Тухайн үед радиогоор Агвааны Ганбаатар, телевизээр Ш.Чанарав гуай бөх тайлбарладаг байсан. А.Ганбаатар гуай “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас 1500 км-ийн алсаас улсын харцага Однойн Бахыт ирээд барилдаж байна. Увс аймгийн малчин сумын харьяат Хархираагийн тэжээлийн сангийн аж ахуйн жолооч улсын заан Тулгаа Увс аймгаас ЗИЛ-130 машинтайгаа Спортын төв ордны гадаа ирээд, аян замынхаа тоосыг ч гөвж амжилгүй барилдахаар алхаж явна. Дундговь аймгаас Ц.Улаанхүү начин, Өмнөговь аймгаас Д.Багахүү начин ирээд барилдаж байна” гэж ирээд л тайлбарлана шүү дээ. Шимтэн сонсохоос аргагүйгээр, уран сэцэн, оновчтой үгээр нүдэнд үзэгдтэл тайлбарлана. Дээр нь 1980-аад оны дунд үед содон нэртэй бөхчүүд барилддаг байсан нь намайг бөхөд их сонирхолтой болгосон жишээ нь:Улсын арслан М.Мөнгөн, Улсын заан Д.Амгаа ,Ё.Ишгэн,Ө.Тулгаа, , З.Дүвчин, улсын харцага Ж.Бор, Улсын начин Ц.Улаанхүү, Д.Шоовдойхүү, Д.Багахүү зэрэг содон нэртэй бөхчүүд барилддаг байсан .

Одоо бол “Надад бөх тайлбарлах сонирхол гэнэт төрөөд байна”, “Жилийн өмнөөс бөх шимтэн үзсэний хувьд бөх тайлбарлачих байх аа. Ямар ном унших уу” гэсэн залуус ирж л байдаг. Тэдэнд би энэ тэр номыг унш, ингэж тэгж судалгаа хий гээд аргачлалыг нь харамгүй хэлдэг. Тэгтэл хэсэг хугацааны дараа ирснээ “За, энэ бөх тайлбарлана гэдгийг чинь чадахгүй юм байна”, “Таны унш гэсэн номыг уншаад уншаад толгойд орж ирэхгүй юм. Яах вэ” гээд эргээд ирдэг. Тэгэхээр бөхийн тайлбарыг үзэгч сонсогчдын сонорт ойлгомжтой, энгийн, наалдацтай хүргэнэ гэдэг шаггүй. Жишээ нь би гэхэд найман настайгаасаа бөхийг шимтэн сонирхож эхэлсэн гэвэл сүүлийн 20 гаруй жил үндэсний бөхийн спортыг судалж, тайлбарлаж бас суралцлаа. Одоо ч суралцсаар, нэмж судалсаар байгаа.

-Тайлбарлагч нарт бөхчүүдийн адилаар зэрэг дэв олгох болсон. Таны ахлах тайлбарлагч хэмээх зэрэг дэв бөхөөр бол ямар цолтой дүйх вэ?

-МҮБХ-ноосшинэчлэгдсэн дүрмийн дагуу тайлбарлагч нарын зэрэг дэвийг баталсан. Хамгийн дээд цолнь улсын гарамгай бөгөөд ар дээр нь улсын тэргүүн, улсын ахлах, улсын, улсын дэд гэсэн цол хэргэм байдаг. Миний хувьд 2013 онд улсын ахлах бөх тайлбарлагч болсон. Бөхийн цолтой дүйцүүлбэл ямар ч байсан улсын цолонд хүрчихсэн гэсэн үг.

-Унасан, давсан бөхийг дэлгэрэнгүй тайлбарлахад их юм унших хэрэгтэй байх даа.

-Хар багаасаа үндэсний бөхийг шимтэн сонирхож, амьдралынхаа нэгээхэн хэсгийг болгосон хүний хувьд ингэж ярих бол гайхаад байх зүйл биш л дээ. Үндэсний бөхийн тухай ямар ч зузаан номыг нэг гүйлгэж уншихад толгойд орчихно. Мэдээж цээжилье гэж уншихгүй. Харин утга уянгын дөрвөн мөртийг цээжил гэвэл нилээд юм болох байх шүү. (инээв). Гэхдээ О.Батмөнх, Б.Цогтбаатар, С.Батсүх А.Ганболд С.Гантөр Л.Эрдэнэбаатар Х.Батмэнд нарын тайлбарлагчдаасаа суралцах зүйл надад бишгүй бий. Намайг бөхийн тайлбарлагчийн замд хөтөч болсон “Үндэсний бөхийн 70 жил” гэсэн гарчигтай, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох хоёрын зурагтай ном бий. Үүнийг хүүхэд ахуй насандаамалын бэлчээрт мөн ч ихуншсан даа.

-Ингэж чинээнд нь тултал судлахаар жинхэнэ утгаараа бөхөө мэдэрч тайлбарладаг болов уу?

-Би өөрийгөө чинээнд нь тултал судалсан гэж хэлэхгүй. Харин тэгэхийн төлөө хичээж байгаа гэвэл үнэнд ойр. Харин гавьяат тамирчин Ч.Чанарав, Ц.Бадамсэрээжид, Б.Цогтбаатар, А.Ганбаатар гээд туршлагатай тайлбарлагч нарыг чинээнд нь тултал судалсан гэж хэлж чадна. Барилдааныг гайхалтай мэдэрч тайлбарлана.

-Бөх тайлбарлагч нар үнэнийг хэлдэггүй гэж нэг хэсэг шүүмжлүүлдэг байсан. Тухайлбал 10 литрийн бетонтой ус даахгүй, хөгшин аварга, арслангуудыг тав даваад туг тойроод дэвж явахад тайлбарлагч нар “Манай аварга ч өнөө жил мөн ч өнгөтэй сайхан байна даа” гэдэг байсан нь саяхан. Энэ тухайд?

-Алдар цуутай аварга арслангууд ид дүрэлзсэн залуу насандаа ид хаваагайхуулж, түмэн олноо баясгажявсан нь мэдээж. Тэр алдар цолтой аваргууд мааньнас, цолоороо далайлгаж, зарим нь мөнгө төгрөг амлаж байгаад улсын баяр наадамдаа дахиад нэг түрүүлчихье гэсэн бодол тэдэнд байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Харин тэр аваргууд мааньхөшгирсөн хэдий чторгон ногоон дэвжээндээ гарч алдар цолоодуудуулж барилдах нь наадмыг улам сүр жавхлантай болгодог ш дээ. Тэгэхээр олон жил барилдсан нас тогтсон улсын цолтой бөхчүүд зүлэг ногоон дэвжээн дээрээ гарч хиймороо сэргээдэг гэсэн үг.Миний хувьд тэр өнцгөөс нь хардаг. Дархан аварга Ж.Мөнхбат, Х.Баянмөнх Д.Цэрэнтогтох Б.Бат-Эрдэнэ нарынаваргууд саяхныг хүртэл барилдаж байлаа шүү дээ. Ер нь бөхийн тайлбарлагч хүн бөхөө л сайхан тайлбарлах үүрэгтэй бас дүрэмтэй эрх үүргийнхээ хүрээнд л тайлбарлана. Наад зах нь барилдаан маргаантай болсон тохиолдолд хөлийн цэцийн шийдвэрийг л дагадаг.

-Үүнээс гадна барилдааны явцад бөхчүүд нэгнийгээ ёврох, тохойлдох, өшиглөх явдал хааяа гардаг шүү дээ?

-Өнгөрсөн намар гарьд Б.Гончигдамба, начин Р.Пүрэвдагвын гуя руу нь цохичихож байгаа харагдсан. Энэ үйлдлийг нь үзэгчид тэртэй тэргүй харсан. Ийм байхад “Гуя руу нь цохичихлоо” гэлтэй биш. Сайн сайхан барилдаж байгаа бөх дэвжээн дээр маргах, тахимаа өгөхгүй байх, үнэн хүчээ үзээд баралгүй уначихаад цохих, өшиглөх мэт жижиг сажиг зүйл дэмий л гэдэг дээ өнцгөөс нь хэлдэг. Тэртэй тэргүй Үндэсний бөхийн холбоо, дэг жаяг хариуцсан баг ажиллаж байгаа учраас тэд энэ үйлдлийг засч залруулах, дахин гаргуулахгүй байх тал дээр зохих арга хэмжээг авдаг. Бид бол хэн давсан унасан талаар тайлбараа хийнэ. Эсрэгээр нь дэвэргэж огт болохгүй.

-Таныг бөхийн тайлбарлагчийн эрдэмд сурахад зааж чиглүүлсэн багшийнхаа талаар та яриач?

-Хэнтий аймгийн Бор-Өндөрийн УБҮ-ийн“Боржигон” дэвжээний багш дасгалжуулагч Л.Мэндсайхан намайг цэргийн алба хааж байх үеэс л бөхийн тайлбарлагч болох зам мөрийг минь тэгшитгэж өгсөн хүн . 2004 онд Улаанбаатарт орж ирэхэд МҮБХ-ийн нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар“TV-9″ телевизийн спортын албаны даргаГ.Гандөш нарнамайг TV-9 телевизэд бөхийн тайлбарлагчаар авчбайсан.

-Сар шинийн баяр хаяанд ирлээ. Үзүүр түрүүнд үлдэхээр хүч тэнхээ нь жигдэрсэн өнгө жавхаатай бөхчүүд олон байгаа болов уу?

-256 бөхчүүд бүгдийнх нь бэлтгэл сургуулилт ханасан байгаа. Миний хувьд Улсын аварга Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын харцага Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, харцага Ц.Содномдорж, заан Ч.Санжаадамба, начин Т.Өсөх-Ирээдүй, Б.Пүрэвсайхан нарын бөхчүүд дээгүүр барилдах болов уу. Хажуугаар нь аймгийн цолтой ганц нэг бөх шөвгийн дөрөвт шалгарч магадгүй. Бас бөх сонирхогчид харцага Э.Оюунболд Р.Пүрэвдагва хоёрыг тавын даваанд туначихгүй байгаа даа гэсэн болгоомжлолтой байна.

Улсын начин Р.Пүрэвдагва бол мундаг хөдөлмөрч бөх. Энэ жил мундаг иртэй харагдаж байна. Сэтгэл зүйн бэлтгэл сайтай. Ер нь бэлтгэл сайн бөх санасан хэмжээндээ хүрч барилддаг. Хөлд нь оръё гэвэл ганц сунаад атгаад авдаг, тонгоръё гэвэл тонгорч л байдаг. Начин Р.Пүрэвсайханы хувьд хоёр шуудгандаа бяртай, бие жижигхэн ч гэсэн тун чигжүүхэн бөх дөө. Төрийн баяр наадамд түрүүлэхгүй гэх газаргүй. Ч.Санжаадамба заан бол төрөлхийн бие хаа сайтай бөх. Ард түмний нэгэн адилаар төрийн наадмын түрүү бөх гэж л хардаг. Энэ жил заалны барилдаанд цөөн барилдсан болохоор цочоо ихтэй байж магадгүй. С.Мөнхбат аварга маань аварга цолонд хүрснийхээ дараахан нэг хэсэг тааруухан барилдсан нь сэтгэлзүйн бэлтгэлгүй байсантай холбоотой байх. Одоо бол цолондоо дасаад, байрагшаад сайхан барилдаж байна. Аргагүй л хөлийнх нь хий арилсан. Дээр нь улсын харцага Э.Оюунболд задгайдуухан барилдаантай, сайн бөх. Харцага цолоор тогтохгүй бөх дөө.

-Олныг өндөлзүүлсэн Цагаан сарын барилдааны талаар дурсвал?

-2010 онд Улсын заан Ч.Санжаадамба цэргийн хурц арслан цолтойдоо Цагаан сарын аймаг цэргийн цолтой болон улсын цолтой бөхчүүдийн барилдаанд дараалаад түрүүлсэн. Анх удаа аймгийн цолтой бөх Цагаан сарын барилдаанд түрүүлсэн тохиолдол тэр болсон. Өнгөрсөн жилийн гарьд Д.Рагчаа түрүүлж, аймгийн арслаа О.Хангай үзүүрлэдэг барилдаан ч мөн сонирхолтой болсон. Жилийн жилд цагаан сарын барилдаан өргөн дэлгэр, үзүүштэй сайхан болж байна даа.

Үүнээс гадна 1998 оны цагаан сарын барилдаанаар Увс аймгийн Баруун туруун сумын харьяат улсын заан Б.Ганбат аймгийн арслан цолтойдоо шуугиулж үзүүрлэж байсан. 2000 оны Бат-Эрдэнэ аварга түрүүлж, улсын харцага Магалжав цэргийн арслан цолтойдоо үзүүрлэсэн болон 2001 онд А.Сүхбат аварга түрүүлж, Д.Сумъяабазар үзүүрлэсэн, 2003 оны Д.Сумъяабазар түрүүлж А.Сүхбат аварга үзүүрлэсэн барилдаанууд үнэхээр битүүний гал гарсан барилдаан байсан.

-Спортын их дээд сургуулиудад бөх тайлбарлагч бэлтгэдэг үү?

-Бэлтгэдэггүй. Үндэсний бөх ихээхэн хөгжиж байгаа өнөө үед спортын их дээд сургуулиуд бөх тайлбарлагч нарыг сургавал зүйтэй юм шиг санагддаг. Ер нь бөх тайлбарлагч нар өөрийн хүсэл сонирхлын дагуу явж байгаа.

-Та бүхэн бүхэл бүтэн хоёр гурван өдрийн бөх тайлбарлаад авдаг хөлс хоёр гуравхан дуу дуулдаг дуучдаас хамаагүй бага гэж ярих юм. Энэ үнэн үү?

-Яг үнэн. Дуучидхоёр гуравхан дууг 10 минутанддуулаад сая сая төгрөг авдагболбөхийн тайлбарлагч хоёр өдөр бөх тайлбарлаад харьцангуй бага хөлс авдаг.Ер нь тайлбарлагч гэлтгүй жаяг дэгийн багийнхны үнэлэмжийг өндөрсгөх хэрэгтэй юм шиг санагддаг юм.

-Танд гарын шавь бий юу?

– Ер нь шавь оръё гэсэн хүмүүс бол байдаг . Гэхдээ эхний ээлжинд өөрийгөө хүнд заах хэмжээнд хүртэл хөгжүүлсний дараа зааж, зөвлөххэрэгтэй юмболов уу. Одоохондоо би багшлах болоогүй л байна гэж өөрийгөө дүгнэдэг . Алсдаа шавь нар бэлдэнэ гэсэн бодол байгаа. Харин асууж лавласан хүнд өөрийнхөө чадах чинээгээрээ зааж зөвлөдөг.

-Өдийжил бөх тайлбарлахдаа мэдээж хэрэг ард түмнээсээ урмын үг сонсож л байсан байх харин бөхчүүдийн зүгээс урмын үг хэр сонсож байв?

-Тайлбарлагчхүнийг шүүмжлэл их дагадаг тэр шүүмжлэлийг би хүлээж авдаг. Харин2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд МУ-ын Аварга Г.Эрхэмбаярын цолны мялаалгын найранд оролцоод бөхчүүдтэй буцаж явахад Улсын гарьд Д.Рагчаа надад баярлаж явдгаа хэлж байсан. Учир ньбиД.Рагчаа гарьдыг заан цолтой барилдаж байх үед нь “хэзээ нэгэн цагт төрийн баяр наадмын үзүүр түрүүнд үлдэх бөх дөө” гэж хэлдэг байсан. Гарьд заан цолтой байхдаа доогуур даваандхаа нэгтээ уначихаадгэртээ очиход нь гэр бүлийнхэннь “тайлбарлагч чамайг хэзээ нэгэн цагт төрийн баяр наадамд түрүүлэх бөх гэж ярьсан“ нь Д.Рагчаа гарьдад их урам зориг өгсөн юм шиг байгаа юм.

-Танд бөхөөс өөрсонирхдог зүйл байгаа юу?

-Бөхөөс гадна хурданморинд их сонирхолтой. Надад хурдны угшил сайтай Хэнтий, Сүхбаатар, Төв Сэлэнгэ, Дундговь чигийн хэдэн адуу бий. Миний морьдыг Хэнтий аймгийн Дархан сумын аймгийн сайнмалчин С.Цогт-Эрдэнэ гэж манай найзын ах уядаг. Одоо ч гэсэн миний морьд уягдаж байгаа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ улс-төр

БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол: Хууль бусаар мод бэлтгэсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх ёстой

-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх мэдээлэл твиттер, фейсбүүкээр цацагдсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Засгийн газрын гишүүд ойрын өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Миний хувьд Завхан аймгийн гурван суманд ажиллаад саяхан ирлээ. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газраас олон машин мод бэлтгэлээ гэсэн мэдээллийн мөрөөр манай яам, цагдаагийн байгууллага, МХЕГ, Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөн асуудлыг нягтлан судалж, хяналт шалгалт явуулж эхэлсэн.

Манай яамны хувьд гаргасанзахирамж, албан даалгавраа хуулийн дагуу хэрэгжүүлсэн эсэхэд хяналт тавин ажиллаж байна. Хууль зөрчин мод бэлтгэснээс гадна эрхийн бичиг аваагүй ойн цэвэрлэгээ хийсэн нь тогтоогдвол хуулийн дагуу модыг хураах, мод тээвэрлэсэн машиныг хураах, эрүүгийн хэрэг үүсгэнэ.

-Горхи-Тэрэлжид мод бэлтгэх сайдын тушаал хэзээ гарсан бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюуны тушаал ёсоор улсын тусгай хамгаалалттай газрын ойгоос ойн цэвэрлэгээний огтлолоор бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг, “Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх” зорилгоор ойгоос бэлтгэх модны дээд хязгаар, талбайн хэмжээг тогтоосон шийдвэр гарсан. Сайдын тушаалын дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ой цэвэрлэх, хэрэглээний мод бэлтгэх сонгон шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн дунд явуулсан. Сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж оролцсоноос ЭБЭЭ, “Төв ой-ан” гэсэн хоёр аж ахуйн нэгж шалгарсан. Тэдгээраж ахуйн нэгжтэй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготов гэрээ байгуулсан юм. Дээрх аж ахуйн нэгжүүд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй эсэхэд БОНХАЖЯ, Цагдаагийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт хийдэг. Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ хийх эрхтэй 306 аж ахуйн нэгж байдгаас Улаанбаатарт 78 нь бий.

-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх БОНХАЖ-ын сайдын албан даалгаврын хэрэгжилт ямархуу байгаа бол?

-БОНХАЖ-ын сайдын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албан даалгавар энэ оны нэгдүгээр сарын 25-нд гарсан. Уг албан даалгавраар тодорхой асуудлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийнЗасаг дарга, Байгаль орчны газрын дарга нар, мөн ЦЕГ, МХЕГ-ын даргазэрэг албан тушаалтнуудад үүрэг болгоод ажиллаж байна. Манай яамнаас цагдаа, мэргэжлийн хяналт, нийслэлийн төр, захиргааны байгууллагын төлөөлөл, төрийн байгууллагууд, иргэний нийгмийнхэн, иргэдийг оролцуулсан уулзалт ярилцлагыг зохион байгуулж, тэндээс гарсан санал дүгнэлтийн үндсэн дээр албан даалгавар гарсан. Хамгийн гол нь хууль бус мод бэлтгэлтэй ерөөсөө л хамтын хүчээр тэмцэж амжилтад хүрнэ гэсэн дүгнэлтэд бид хүрээд, хамтран ажиллаж байна. Мөн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийг сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Бидний үйл ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

“Нарантуул“, “Хүчит шонхор” захуудад хөл ихтэй байна

Сар шинийн бэлэг сэлт, идээ ундаанаас авахуулаад гэр орондоо сандал ширээ, аяга таваг худалдан авах гэсэн иргэдийн хөлд зах, худалдааны төвүүд дарагджээ. Тэр дундаа “Нарантуул” болон “Хүчит шонхор” зах илүү хөл хөдөлгөөнтэй байлаа. Сансрын колонкоос “Нарантуул” зах орохоор цаг гаруй түгжрэв. Зүүн дөрвөн зам болон ХӨСҮТ-ийн баруун урд уулзваруудад гэрлэн дохиогоор бус замын цагдаагаар хөдөлгөөн зохицуулагдаж байлаа. Зүүн дөрвөн замаас урагш уруудсан гурван машин тутмын нэг нь бараг “Нарантуул” захын араас орох гэж ХӨСҮТ-ийн баруун урд уулзвараар зүүн гар тийш эргэж харагдав. Энэ хэсэгт замын цагдаа чигээрээ болон баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг нь хоёроос гурван минутын давтамжтай хааж, зах руу орох замыг чөлөөлж байсан хэдий ч ийн түгжирчээ. Халдвартын эмнэлгийн өмнөх автобусны буудлаас цаашхи тоос шороо боссон нарийн гудамжаар явган хүн, автомашин хоёр багтаж ядан чихэлдэнэ. Буудлын хажууханд хаалга нь зурагдсан суудлын автомашины хажууд зогсох тэрэгчин залууг нэгэн эмэгтэй “Түгжирч бөглөрөөд таг гацаж байхад хажуугаар гарах гэж зүтгээд байхдаа яадаг юм.

Чи ер нь эрүүл байна уу. Одоо чиний ажил дууссан эсэх нь хамаагүй. Шууд засварын газар явъя. Хаалгаа янзлуулъя” гээд их бухамдангуй загнаж байгаа харагдав. Цааш тав ч алхаагүй байтал захаас гарч явсан цаасан хайрцагтай томоо гэгчийн халуун тогоо тэвэрч явсан хижээл насны махлаг эр хоёр машин дундуур гарах гэж байгаад ар нуруугаараа нэгнийх нь толийг хуга татчихав. Гэтэл жолооч залуу “Замаа хардаггүй юм уу. Толь хугалчихлаа” хэмээн дуу хадаасаар машинаасаа буугаад ирэв. Өнөөх хижээл эр их л сандарч “Өө яана аа. Ахыгаа уучлаарай. Үүгээр гарах гээд хэсэг хүлээж хэсэг зогссоноо үүгээр зүтгэчихдэг нь буруудлаа” гээд хоёр гуравхан утсаар торгоогдон унжих толийг өргөж, дэмий л хуучин суурин дээр ньаваачна. Зах руу орохоор сөөм сөөмөөр урагшилсан урт цуваа таг гацсанд жолооч нар бухимдан “Хөөе, наад төмрийн сэгээ эндээс холдуулаач, зам таглаад тавьчих юм”, “Наанаа зогсоод ямар хугарсан толио бүтэн болгох биш. Эндээс зайдуухан гараад учраа ололц” гэх зэргээр араас нь хашгичин, дуут дохио хангинуулна. Жолооч залуу ч “Алив, та миний хажууд суу, эндээс холдъё. Захаас цагаан сараар хэрэглэх жаал зугаа юм авна гэсэн өнгөрлөө л дөө” гэсээр толийг нь хугалсан хижээл залууг машиндаа суулгав.

Захын хажуугийн хаалган дээр “Таван оймс 3000 төгрөгөөр аваарай” гэвэл миний урдхан талд явсан эмэгтэй “Шар улаанаас өөр гэгээлэг өнгөтэй байгаа юу. Хятадынх уу?” гэсээр хэсэг зогстол ард нь явсан би мөн л таг гацлаа. Хажуугаар нь зөрөөд гарах гэтэл ус ундаа зардаг урт лангуунд тулчихав. Нөгөө талаар нь зөрөх гэтэл өөдөөс хивс, ууцны таваг, хэвийн боов, сав суулга тэвэрсэн хүмүүс түрнэ. Азаар өнөөх эмэгтэй тэнд удаан саатсангүй дотогш орлоо”. “Улбар шар өнгийн өвлийн куртка, бор гуталтай, найман настай охин алга болсон тул харсан хүн Нарантуул захын цагдаагийн хэсэг дээр хүргэж өгч тус болно уу. Шагналтай. Мөн 9936…, 8835 … дугаарын утсаар холбоо барина уу” хэмээн чанга яригчаар зарлаж байлаа. Ууцны модон таваг, хивс, дрож дээр дэвсэх гялгар уут, хөөрөгний даалин барьсан иргэд үүд хавиар хэдэн арваараа зогсож байв. Захын зүүн хэсгийн гутал, хүүхдийн хувцас, малгай, зардаг лангуугаар олон хүн холхилдоно. Цаахна талд нь байх бөс даавуу, үндэсний дээл зардаг тасагт хөл гишгэх зайгүй байлаа. Хажуугаар нь явсан өвгөн “Өө чи бид хоёр ийшээ орно гэдэг бүтэхгүй. Захынх нь лангуунаас ач нартаа дээл сонирхвол харин яадаг юм” гэвэл эмгэн “Уг нь хаа холоос зориод ирсэн юм чинь ач нартаа бэлэгний дээлийг нь аваад очвол сайнсан. Тэгвэл захын энэ лангуунаас асуучихъя. Үнэ нь гайгүйхэн бол авчихъя. Хаа ч ялгаагүй байлгүй” гэв. “Нарантуул”-ын битүү зах ч мөн л олны хөлд дарагджээ. Хаалгаар нь орохоор чихэлдэж байсан олны дундаас нэгэн эмэгтэй “Миний түрүүвч алга болчихож, цүнхийг минь зүсчихэж. Ямар балиар амьтад вэ. Хэн нь ингэдэг байна аа” хэмээн дуу хадаав. Хамт явсан бүсгүй нь “Гутлаа авчихаад шууд энд ирсэн биз дээ. Хэдий завандаа авчихдаг байна аа” гээд гайхах, санаа зовох зэрэгцсэн харцаар түүн рүү харав. Ойр тойрных нь эмэгтэйчүүд “Муу сайн халаасны хулгайчид ингэж хүний зовлонгоор жаргал хийгээд өөдлөхгүй дээ”, “Сар шинийн хөл хөдөлгөөн ихтэй энэ үеэр яг ингэдэг юм. Болгоомжтой явахгүй” гэцгээн сугандаа хавчуулсан цүнхээ энгэртээ тэвэрч байв.

Өмнө нь “Нарантуул”-аас “Хүчит шонхор” руу 20 гаруйхан минут явсан санагдана. Харин энэ удаад хоёр цаг гаруй болов. Зүүн дөрвөн замаас барилгын материалын “100 айл” зах, тэндээсээ Баянбүрдийн тойрог орох гэж цаг гаруй түгжрэв. Харин ч уулзвар бүрийн хөдөлгөөнийг замын цагдаа зохицуулсан тулдаа ийн “хурдан” ирчихэв. Захын гадна болон доторх машины хөдөлгөөний ажилтнууд зохицуулахыг хичээж байсан ч орж, гарах гэсэн машинууд түгжирч байлаа. Зогсоол сулрахыг хүлээж байгаа цөөнгүй жолооч байлаа. Захын гадна хонины ууц зараад зогсч байсан малчид “Энэ жил хонины ууц хямдхан байна. Аргагүй хаа сайгүй өнтэй өвөл болсон учраас тэр байх даа. Тоймгүй олон хүн холхиод байгаа хэрнээ ерөөсөө зарагдахгүй юм. Бүр хямдруулаад байхад хүртэл хүн авахгүй юм. Хотынхон чинь энэ захаас өөр хямд махаа авдаг газартай болсон юм байх даа” хэмээцгээв. Өнгөрсөн жилийн өдийд тарган хонины ууц дунджаар 350 мянган төгрөг байсан бол энэ жил 250 болтлоо хямдарчээ. Зарим нь бүр “Хоёрыг авбал 400 мянганд зарна” гэв. Малчид ууц сонирхсон иргэдийн араас хоёр гурваараа дагаж “Энэ тарган ууцыг та дахиад 20 мянган төгрөг хямдруулаад худалдаад ав”, гэвэл нөгөөх нь “Та надаас яг адилхан үнээр авбал таны гэрт үнэгүй хүргээд өгчихнө шүү” гэсэн юм. Махны жижиглэн худалдагч нар хүртэл “Үхрийн мах бөөндөө 6500-7000 төгрөг бол хонины мах 5000-5500 төгрөгөөр зарагдаж байна. Таван кг-аар савласан бууз 25 мянга. Энэ бол ойрын хэдэн жил байгаагүй хямд үнэ дээ. Гэсэн ч иргэд тэр бүр авахгүй юм” гэцгээв. Зах дотор машинтайгаа орж ирээд, буцаж гарах гэсэн жолооч нар мөн л арваад минут хүлээсэн юм. Мөн зах руу зүглэсэн цөөнгүй жолооч нар “Маргааш өглөө эртхэн ирье. Тэгшээр төгссөн машин маргааш явдаггүй юм чинь арай ингэж түгжрэхгүй байлгүй” гээд буцсан юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Энхмаа: Дөрөвдүгээр амаржих газрыг ашиглалтад оруулахын тулд хүмүүнлэгийн аяныг санаачилсан

-“ЭХ ҮРСЭЭ ХАЛУУН СЭТГЭЛЭЭР ӨЛГИЙДӨЦГӨӨЕ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ ХОЁРДУГААР САРЫН 13-НД БОЛНО-

Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний эмч О.Энхмаа “Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хэмээх хүмүүнлэгийн аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлжээ. Нийслэлийн дөрөвдүгээр төрөх эмнэлгийн царцаагдсан барилгыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах нь тус хүмүүнлэгийн аяны гол зорилго нь бөгөөд хоёрдугаар сарын 13-нд “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд рок попын оддын хандивын тоглолтыг зохион байгуулах аж. Ийнхүү түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аяныг яагаад санаачлан хэрэгжүүлэх болсон бэ?

-Би 2007-2011 оны хооронд нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд ажиллаж байсан. Энэ хугацаанд дуудлагын дагуу хангалуун амьдралтай айлаас авахуулаад хоногийн хоол, өмсөх хувцасгүй нэн ядуу айлд хүртэл очиж, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэсэн. Нэг удаа Шувуун фабрикт дуудлагаар төрөх дөхсөн эмэгтэй дээр очсон. Гар утасгүй учраас гэрээс нь нэлээн зайдуу байх хүнсний дэлгүүрийн төлбөртэй утаснаас нөхөр нь дуудлага өгсөн байсан. Бас утсаар ярих 100 төгрөггүй болохоор дэлгүүрийн худалдагчаас “Эхнэр маань төрөх гээд, утсаараа дуудлага өгч тус болооч” гэж цаг шахуу гуйсан гэсэн. Зам түгжрэлтэй байсан учраас дуудлага өгсний дараа нэг цаг 30 минутын дараа бид гэрт нь очсон. Төрөх дөхөөд ус нь аль хэдийн гарчихсан байсан. Шуудхан эмнэлэг аваад явсан ч замдаа төрчихсөн. Азаар бид үрийг нь эсэн мэнд эх барьж авсан. Гэхдээ бидэнд үргэлж ийм аз тохиохгүй. Эмнэлгийн орчинд бус машин дотор төрж байгаа учраас халдвар авах, цус алдах, хүчилтөрөгч дутагдах зэрэг эх, үрийн эрүүл мэнд эрсдэх өндөр магадлалтай. Энэ бол зөвхөн ганц л тохиолдол нь. Энэ мэтчилэн хотын төвөөс зайдуу Шувуун фабрик, Өлзийт хорооллоос олон эхчүүд төрөх гэж хот руу орж ирдэг. Энэ зовлонг биеэрээ туулсан эмч хүний хувьд төрөх эмнэлэг иргэдэд хамгийн ойр байх хэрэгтэйг сайн мэднэ. Ийнхүү тухайн үеэс л шинэ төрөх эмнэлгийг яаралтай ашиглалтанд оруулах хэрэгтэй биш бүр шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон.

Тэгээд ч улсын маань хүн ам гурван саяд хүрчихлээ. Зөвхөн нийслэлд сая 300 мянган хүн амьдардаг байтал улсын дөрөвхөн төрөх эмнэлэгтэй. Эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байна. Нэг орон дээр хоёроос гурван эх дээш доошоогоо зөрөөд хэвтэнэ. Зарим нь бүр коридорт гудас дэвсээд хэвтэж эсвэл өрөө сулартал тарианы өрөөнд хүлээх жишээтэй. Амаржсан эх эмнэлэгт гурваас тав хонох ёстой байтал ачаалал ихтэй учраас нэгээс хоёр хонуулаад эмнэлгээс гаргадаг. Энэ нь эх нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зарим төрөх эмнэлгүүдийн барилга эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Жишээ нь манай хоёрдугаар амаржих газрын барилга аль хэдийн ашиглалтын хугацаа дууссан. Булан тохой нь мөөгөнцөртөж, хөгцөрсөн л байдалтай байна даа.

Аяны хүрээнд эхний ээлжинд хандивын тоглолт зохион байгуулахаар болсон гэсэн. Ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Тоглолтод МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, BX, Бичүү, залуу уран бүтээлч А.Хишигдалай, Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян, Амина, Баярцэнгэл, Отгончимэг нараас гадна “Хар сарнай”, “Мотив”, “Гурван бүдүүн”, “Увертура”, “Bit” зэрэг хамтлагийн бүтээлчид оролцоно.

Энэ тоглолтын дараа зохиолын дуучдын хандивын тоглолтыг гуравдугаар сарын 13-нд зохион байгуулна. “Улаанбаатар палас”-тай гэрээгээ хийсэн. Ер нь тус барилгыг ашиглалтанд оруулахын тулд ямар бодитой арга хэмжээ авч болохыг цаашид үргэлжлүүлэн судална. Ганц хоёрхон хандивын тоглолтоор энэ асуудал шийдэгдчихгүй нь мэдээж.

Үүнээс гадна цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-“Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянаа он гарсны дараахан буюу нэгдүгээр сарын 10-аас албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Нэн түрүүнд аяныхаа талаар ард түмэндээ ойлгуулан таниулсны үндсэн дээр тэдний дэмжлэг туслалцааг авахын зэрэгцээ тэдний санал бодлыг тусгана. Хамгийн гол нь дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын царцаагдсан шалтгаан, бусад төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлын талаар асуудал дэвшүүлсэн цуврал нэвтрүүлэг хийхээр төлөвлөсөн. Тоглолтын орлогоороо дараагийн үйл ажиллагаа болох цуврал нэвтрүүлгээ санхүүжүүлэхээс гадна дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажилд тодорхой хувийг нь хандивлана. Ингэж шат дараалсан арга хэмжээ авахгүйгээр ганцхан хандивын тоглолт хийгээд, тэр мөнгөө барилгын ажилд хандивлавал үр дүнгүй шүү дээ. Тэгээд ч тоглолтын ашиг болох хэдхэн сая төгрөгөөр 60-хан хувийн гүйцэтгэлтэй барилгын ажлыг гүйцээчихгүй нь мэдээж.

Уг нь төлөвлөгөө ёсоор 2013 онд ашиглалтад орох ёстой байсан гэдэг байх аа?

-Тийм. Угтаа бол дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын санхүүжилтийн 95 хувийг буюу 19 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гүйцэтгэгч компани болох “Нийслэл өргөө”-д олгосон. Санхүүжилтийнхээ хэрээр барилгын ажил шуурхай явагдсан бол 2013 онд ашиглалтад оруулчихаар байсан. Гэтэл одоо барилгын ажил 95 биш 60-хан хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл энэ асуудлыг хөндөж, барилгын ажил яагаад царцаагдсан, цаашид үүн дээр хэн ямар арга хэмжээ авбал зохих зэрэг шийдэлд хүрэхийн тулд эрх бүхий албан тушаалтнуудыг нэг дор цуглуулж, уулзалт ярилцлага хийх шаардлагатай байна. Угаасаа гүйцэтгэгч компани болох “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзориг дөрөвдүгээр төрөх эмнэлгийн хөрөнгөнөөс хоёр тэрбум шахуу төгрөгийг хувьдаа завшсан нь илэрч, зургаан жилийн хорих ялаар шийтгүүлчихсэн. Хэрэв 300 ортой тус эмнэлэг ашиглалтад орчихвол бусад төрөх эмнэлгийн ачаалал хэвийн түвшинд очиж, эмнэлгийн дотоод халдвар үүсэх, эрсдэл ч буурна. Шинээр 500 гаруй ажлын байр бий болно.

Таны аяныг дэмжиж, тусламж үзүүлж байгаа хувь хүн албан байгууллага мэдээж байгаа л байлгүй дээ?

-Өнгөрсөн долоо хоногт “Mongolian national news” телевизийн улс төрийн албаны дарга Чинзориг, “”Мишээл экспо” группын менежер Азжаргал нар надтай хамтарч ажиллан, тусалж дэмжихээ илэрхийлсэн. “Улаанбаатар палас”-т нэг удаагийн тоглолт зохион байгуулахад зургаан сая төгрөг. Учир байдлаа тайлбарлаж хэлтэл хоёр сая төгрөгөөр хямдруулж өгсөн. Урьдчилгаа болох нэг сая 500 мянган төгрөгөө цалингаараа барагдуулсан. Үлдсэнийг нь тоглолтын дараа өгнө. Аяныг маань энэ мэтчилэн дэмжин, хамтарч ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагатай би хамтарч ажиллахад бэлэн байна. Надтай 99748016, 91360502, 88824051, 99252540 дугаарын утсаар холбоо барьж болно. Тун удахгүй хандивын шилэн дансаа нээнэ. Өөрөөр хэлбэл хандивын тэрхүү дансанд хэдэн төгрөг цугларч, юунд зарцуулагдаж байгаа нь хэн бүхний өмнө ил байна гэсэн үг.

Билетийн борлуулалт хэдэн хувьтай явж байна?

– Билетийн борлуулалт 20-хон хувьтай явж байна.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Жинхэнэ хайр

Америкийн шилдэг романтик зохиолчоор 1995-1997 онд шалгарч байсан Францина Райверсийн “Жинхэнэ хайр” номыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Уг зохиолд 1850-аад оны алтны хот гэгдэх Америкийн Калифорнийн уйтгар, гай зовлонгоор дүүрэн амьдралыг дүрсэлдэг. Тухайн цаг үед эрчүүд өөрсдийн бардам зан, эрхэмлэн нандигнах эд зүйл, тэр ч бүү хэл хайр сэтгэлээ хумсны толион чинээ алтаар солихоос сийхгүй бол эмэгтэйчүүд нь өөрсдийн биеэ ганц өдрийг аргацаах хоол хүнс, хоноглох газрын төлөө наймаалдаг байв. Ийм нийгэм эхээсээ хар нялхаараа өнчирсөн, харж хандах ах дүүгүй Сара хэмээх бяцхан охины амьдралыг хэрхэн орвонгоор нь эргүүлж байгаа талаарх сэтгэл өвтгөм түүхийг зохиолч Францина Райверс маш чадварлагаар тус зохиолдоо бичжээ. Сараг наймхан настай байхад нь ээж нь өвчний улмаас нас барах бөгөөд тэрээр хэсэг хугацаанд авга ах Рабтай амьдарна. Тогтсон ажилгүй, архинд дуртай Раб Сараг баян эр Дюкд үрчлүүлснээр Сарагийн амьдралын тамын гэмээр хүндхэн өдрүүд эхэлнэ. Учир нь Дюк огтхон ч эргэлзэлгүйгээр Сараг эмсийн хүрээлэнд тэр дор нь зарна. Ээжийгээ дуурайсан өндөр хүзүү, том хар нүд, өтгөн хөмсөгтэй охинд нүд унагах эрчүүд олон. Тэд бяцхан охиныг сахиусан тэнгэр буюу Анжел хэмээн дуудна. Хүүхэд байхдаа эмсийн хүрээлэнд зарагдсан тэрээр амьдралыг үзэн ядахаас гадна Анжелийн хувьд эр хүн гэдэг гай зовлон мэт санагдах болно. Цаг хугацаа хөвөрсөөр нэг л мэдэхэд арван жил өнгөрнө.

Гэтэл нэгэн өдөр Майкл Хосе хэмээх бурхны сургаалийг дээдлэн сахидаг, даруу төлөв залуу Анжелийг харсан даруйдаа сэтгэл алдарна. Эцэж турсан, нүднийх нь гал цог бөхсөн Анжел түүнд хорвоогийн хамгийн үзэсгэлэн гоо төгөлдөр нэгэн мэт санагдана. Гэсэн хэдий ч Анжел Майктай бусад эрчүүдийн адилаар хүйтэн хөндий харьцаж, хэсэг хугацаанд өөрт нь чин сэтгэлээсээ хайртай гэдэгт үл итгэнэ. Эмсийн хүрээлэнгийн эзэн Дукесс Анжелийг хоолны шавхруугаар ундалж, хувцасны уранхай тасархайгаар биеийг нь халхлуулж, өдөрт хэдэн арван эрд дамжуулж худалдана. Энэ амьдралаасаа залхсандаа нэгэн удаа эмсийн хүрээлэнгээс оргохыг завдах ч бүтэлгүйтнэ. Харгис Дукесс түүнд олон хоног хоол өгөлгүй, зодож тарчлаана. Дээрх таагүй мэдээг Майкл дуулсан даруйдаа Дукесстэй уулзаж, түүнд атгын чинээ алт өгч Анжелийг эрх чөлөөтэй болгоно. Энэ үед Дукесс “Калифорниос ийм өндөр үнээр өөртөө гай зовлон худалдаж авдаг, чи ч тэнэг амьтан юм аа” гэвэл Майкл “Үгүй ээ. Та бүхэнд энэ алтыг өгөөд би хайртай хүнээ худалдаж авах биш, эрх чөлөөтэй болгож байна. Биеийг нь тэнхэртэл би гэртээ асарч тойлно. Үүний дараа надтай амьдрах эсэхээ Анжел өөрөө шийднэ” хэмээн хүйтэн шалан дээр ухаангүй хэвтэх Анжелийг тэврээд гарч одно. Майкл тэндээс гаруутаа шууд сүм орж, Анжелтай хуримлана. Ийн Майкл түүнд чин сэтгэлээсээ хайртай гэдгээ өөрийн үг үйлдлээрээ бэлхнээ батална. Энэ үеэр Майклд тэврүүлсэн шархандаа халуурч, тамиргүйдэн, ухаангүй болсон Анжелийн чихэнд найз бүсгүй нь “Чи одоо бусдын адил гэрлэсэн эмэгтэй боллоо. Анжел. Чиний хуруунд хуримын бөгж хичнээн сайхан харагдаж байна гээч. Энэ Майклийн ээжийнх нь бөгж гээд бод доо. Тэр ээжийнхээ бөгжийг чиний хуруунд зүүж өгсөн байна шүү дээ. Чамайг ээж шигээ хайрлаж хүндэлдэг болохоор тэр шүү дээ” хэмээн шивнэнэ.

Ийн тэд хуримлаж, Майклийнд амьдрах болно. Майкл Анжелийн хажуунаас алхам ч холдолгүй асарч тойглон, түүнийг хөл дээр нь босгоно. Анжел үймээн, нүргээнт Калифорниос амар амгалан, тайван нэгэн бөглүү тосгонд иржээ. Энд Майкл газар тариалан эрхэлж амьдардаг юм. Анжел Майклтай хамт сэрж, хөшгөө нээх бүртээ нарны тув тунгалаг туяагаар сэтгэлээ дүүргэхийг хүснэ. Тэр зовлон шаналал дунд өнгөрсөн 10 жилийн амьдралаа ор моргүй мартах болно. Учир нь Майкл Анжелийн үзэн ядах буг хар сэтгэлийгхайраараа эмчилнэ. Түүний ихэнх найз нөхөд, хамаатан садан Анжелийг цэнгээний газарт ажилладаг байсныг мэдэнгүүтээ Майклийг түүнээс салгах олон арга сүвэгчлэх авч тэдний нэгнээ гэсэн сэтгэлд сэв суулгаж чаддаггүй. Энэ бол ямар ч болзолгүй, үл хувирах, жинхэнэ хайрын гэгээн түүх юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Хэвшүүлж сайжруулахад маш их хүчин чармайлт хэрэгтэйг биеэрээ мэдэрсэн

Манай зарим томоохон эмнэлгүүдэд 1998 оноос Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн төслүүд хэрэгжиж эхэлсэн. Тухайн тоног төхөөрөмжийг ашиглах, ажиллуулах талаарх олон сургалт дадлагыг Япончууд өөрсдөө явуулж ирсэн юм. Түүнчлэн эмнэлгийн сувилахуйн ухаан, арга ажиллагаагаараа дэлхийд өндрөөр үнэлэгддэг Японы сувилагч нар Монголын хөдөө орон нутагт ажиллаж өөрсдийн туршлагаасаа хуваалцсан билээ. Тэдний нэг Миюүки Хоригүчи Жайка олон улсын Байгууллагын хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд Монголд ирсэн бөгөөд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт мэргэжлээрээ хоёр жил ажиллаж эрүүл мэндийн салбар тэр дундаа орон нутгийн эмнэлгийн сувилагчдад өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй хуваалцсан нэгэн аж. Тэрээр энд ажилласныхаа дараа ч монгол сувилагчдыг Японд урт, богино хугаацаагаар ажиллуулан, мэргэжлээ дээшлүүлж туршлага хуримтлуулах боломжийг эрэлхийлэхийн сацуу олон зүйлийг санаачлан хэрэгжүүлж байгаа нэгэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард түүнийг Улаанбаатар хотод ирэх үеэр нь уулзсан юм.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-1986-1989 онд Японы сувилахуйн их сургуульд суралцаж дүүргэсний дараагаар Хоккайда мужийн Саппоро хотын эмнэлгийн түлэнхий болон нүдний хавсарсан гэмтлийн тасагт өнөөг хүртэл ажиллаж байна. Америкт хэсэг хугацаанд мэргэжил дээшлүүлсэн.

-“Жайка” олон улсын байгууллагын шугамаар та манайд ирж ажилласан гэсэн. Яагаад заавал Монголыг, бүр орон нутагт ажиллахаар сонгох болов?

-Жайка олон улсын байгууллагаас сувилагч нарыг Азийн хөгжиж байгаа улс орнууд руу томилолтоор ажиллуулдаг л даа. Мэдээж тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд шүү дээ. Хэрэв шалгууртаа тэнцвэл хаана ажиллахыг маань “Жайка”-гаас хэлж өгдөг. Харин намайг Монголд, тэр дундаа Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт ажиллуулахаар хуваарилсан юм. Удаан хугацаанд ажилласан эмнэлэг, дассан орчноосоо шал өөр газарт ажиллах нь сувилагчийнмэргэжилд минь туршлага нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Наад зах нь гэхэд Эрдэнэтийн эмнэлэгт Саппоро хотын эмнэлгийнх шиг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж хүрэлцээтэй биш л дээ. Ийм нөхцөлд өөрсдийн уламжлалт аргаар өвчтөнөө үзэж, оношоо тавьж, ажиллаж байсныг биеэрээ харсан. Харин монгол сувилгач нарт хэлж сануулж хурдан хэвшүүлэх зүйл байсныг нөхрийн ёсоор хэлэхийг оролдож байв.

-Тухайлбал?

-Цалин хангамж нь бусад салбартай нь харьцуулахад ч дэндүү бага. Монголд авч байгаа цалингаараа амьдрахад нэлээд бэрхшээлтэй санагдсан. Өвчтөнтэй сэтгэл зүрхээрээ ажиллахад хүн ар тал, цалин мөнгөндөө санаа зовохгүй байх хэрэгтэй л дээ. Тиймээс ажилдаа чин сэтгэлээсээ бус, оромдсон маягаар ажиллаж байсан сувилагч цөөнгүй байсан. Цалин бага учраас өвчтөний ар гэрийнхний гар цайлгаж өгсөн мөнгө, эд зүйлсийг авахгүй гээд яах билээ. Эмнэлэгт өвчтөнийг асруулах гэж сувилагч ажиллуулдаг. Гэтэл өвчтөнөө асрахгүй байж ажлынхаа хажуугаар элдэв бараа таваар ажилчдадаа зарж гүйгээд эсвэл оймс, элдэв зүйл нэхээд, хатгамал оёод суучихаж болохгүй биз дээ. Үнэнийг хэлэхэд ч заримдаа “энэ чинь эмнэлэг мөн үү” гэж бодогдох үе байсанл даа. Японд бол сувилагч хүн нэг хором ч зүгээр суудаггүй учраас ажилдаа хандах дээрх назгай үйлдлүүдэд нь анхнаасаа шүүмжлэлтэй хандсан. Монгол эмнэлгийн дарга, тасгийн эрхлэгчид нь надаас суралцахыг сувилагчдад үүрэг болгосон учраас миний хэлж зөвлөснийг их анхаардаг байсан. Наад зах нь ажлын цагаар бохь зажилж, босон суун үргэлж утсаараа яриад хэрэггүй, дэлхий дахинд тэгдэггүй юм гэдгийг ойлгуулсан. Хэлний бэрхшээл байсан ч хэдхэн сарын дараа хамт ажиллагсадтайгаа төвөггүй ойлголцдог болсон. Монгол хэл сурах надад амаргүй байсан ч би сурах гэж чармайсан. Миний ажилласан эмнэлэгт сувилагчийн тоо хүрэлцээтэй харин сувилагчдын ажиллах хөшүүрэг нь дутагдалтай байсан.

Монголчууд маш элэгсэг дотно, зочломтгой ард түмэн. Би тэдэнтэйгээ ойртож, зайлшгүй хэрэгтэй зүйлээ ойлгуулахын тулд ар гэрийнхэнтэй нь дотносож чармайлт гаргаснаар миний ойлгуулах гэж байгаа зүйлийг хүлээж авах, хандах нь хүртэл дээрддэг юм билээ.Харамсалтай нь эдгээрийг хэвшүүлэхэд маш их хүчин чармайлт хэрэгтэй байлаа. Эмнэлэг дээр өвчтөнийхөө гар хөлийг байнга угааж, эм тариаг нь хийхэд монгол сувилагч, өвчтөнүүд ихэд гайхаж байсан. Энэ бол сувилагч асрагч хүний заавал хийх ёстой л ажлуудын нэг. Японд ийм л байдаг. Монголд сувилагч нарын ажлын хуваарь хэт замбараагүй юм шиг санагдсан. Шалаа арчаад гүйж явснаа хоол зөөгөөд, тэгснээ тариагаа хийгээд явж байх жишээтэй. Сувилагч хүн өвчтөнөө л асраад, тариагаа л хийх ёстой.

-Эмнэлгийн орчин нөхцөлөөс гадна, монголчуудын соёл иргэншил, амьдралын хэв маягийн хувьд анзаарсан сонин содон зүйлс гэвэл?

-Японд эмнэлэгт үзүүлэхээр ганцаараа явдаг. Харин Монголд дандаа гэр бүлийнхээ нэг гишүүнийг албатай юм шиг дагуулж эмнэлэгт ирэх юм. Энэ нь эмнэлгийн ачааллыг нэмж үйлчилгээг хүндрүүлээд байгаа юм. Гэхдээ монголчууд гэр бүлийн халуун харилцаатайгаас гадна бие биенээ гэсэн чин сэтгэлтэй юм гэдэг нь эндээс харагдаж байсан л даа. Түүнээс гадна нэг зүйл хэлбэл, Монгол хүн аливаад зоривол маш бүтээлтэй ханддаг сайхан чанартайг ойлгосон. Энэ нь цаг уур, хоол хүнстэйгээ ч нэг талаар холбоотой байхыг үгүйсгэхгүй л дээ.

-Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ танайх шиг төгс биш учраас дундаж наслалт богино гэх өнцгөөс харах хүмүүс цөөнгүй. “Тогоон” дотор нь орж ажилласан хүний хувьд энэ тал дээр юу гэмээр байна?

-Дундаж наслалтаараа Япон дэлхийд дээгүүрт ордог ч эрүүл хүмүүсийн дундаж наслалт гэвэл арай өөр статистик үзүүлэлт гарна. Өөрөөр хэлбэл эрүүл, өндөр настай хүн гэсэн үг. Өндөр настангуудын дийлэнх нь асрамжинд орж, зөвхөн эмчилгээгээр амь зогоодог. Угтаа бол биологийн эрүүл наслалтаар дундаж наслалтыг тогтоодог байвал зүгээр.

-Цагаан сар, наадам зэрэг үндэсний баяр, бууз, хуушуур, борцтой шөл зэрэг үндэсний хоол хүнс танд ямархуу санагдсан бэ?

-Монгол уламжлалт баяр наадам ёс заншлыг дээд зэргээр хүндэлдэг.Би үндсэндээ монгол хоолоор дагнадаг байсан шүү.

Тэр хэзээний танил дотно болсон Монголынхоо хүйтэн өвлөөр ирээд долоо хоноод буцлаа. Японоос зузаан нэхий куртка, малгай ороолтоо аваад гарчээ. Тэрээр Монголд ирэнгүүт 1-р эмнэлгийн нүдний кабинет болон тасгаар, Эрдэнэтийн эмнэлгээрээороод гарчээ.

Японы эмнэлгүүдэд сахарын өвчний улмаас хөл гараа тайруулсан өвчтөнүүд нэлээд бий. Тийм хүмүүст өдөр тутмын амьдралаа хэрхэн авч явах, ялангуяа хоолны дэглэмээ хэрхэн баримтлах талаар уйгагүй зааж сургах шаардлагатай байдаг. Хүмүүс ойлгоод гүйцэтгээд, хэвшээд ирэхээр л сувилагч бид их урамшиж баярладаг даа.Цаашлаад, хүмүүст хараагаа хамгаалж сайжруулахын тулд алс холын юм үргэлж харж байхыг хүртэл зөвлөх явдал байдаг шүү хэмээн тэр ярьж байсан юм.

Миюүкиг Эрдэнэтэд хоёр жил ажиллах хугацаанд Япон дахь гэр оронд нь гачигдал гарч, улмаар аав нь 70 гаруйхан насандаа бурханы оронд одож түүний хувьд хүнд цохилт болжээ. Гэр орныхон нь монгол руу буцаад яахав дээ, бидний ийм байдал чамайг улам ядраана гэж байж. Харин би Монголд нэгэнт эхэлсэн ажлаа заавал дуусгана гээд буцаад ирсэн гэж нулимс цэлэлзүүлэн ярьж суугаа япон бүсгүйн ярианаас зорилгоо эрхэмлэхяпон хүний эрхэм чанар нь харагдаж байлаа.

Япон эмнэлэг-сувилгааны албаны элч төлөөлөгч Миюүки нь хөгжилтэй орны сувилахуйн арга, эмчилгээний технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаад нутаг буцахдаа “Монгол сувилагчдын мэргэжлийг Японд хэрхэн дээшлүүлж болох бол” гэсэн чин санаа өвөрлөөд харьжээ. Филиппин, Вьетнам, Индонез, Малайз зэрэг орны сувилагчдыг Японд дагалдан ажиллуулж, мэргэжлийн үнэмлэх олгох сургалтанд хүртэл хамруулдаг юм байна. Зарим нь тэндээ Японы эмнэлэгт хэсэг хугацаагаар ажилладаг гэнэ. Дээрх ажиллагаа нь хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжих ёстой юм билээ. Миюүки үүний төлөө ухаанаа уралдуулж, Монголд зориуд нэг ирж асуумж судалгаа цуглуулж материал бүрдүүлснийгээ өөрийн мэргэжил дээшлүүлэх сургалтын илтгэлд хөндөж, хэлэлцүүлсэн байгаа юм.

Миюүки Жайкагийн томилолтоо дуусгавар болгоод буцахынхаа өмнө эмнэлэгт зайлшгүй хэвших ёстой зүйлийн жагсаалт, цаашлаад орчин үед эмнэлэгт гаргаж болохгүй сувилагч нарын үйлдэл, зан харилцааны санамжийг ЭМЯ-ны Сувилахуйн албанд бичиж үлдээгээд түүнийгээ эмнэлгүүдэд түгээхийг өөриймсөгөөр хүсэмжлэн орхисон ажээ. Эгэл жирийн сувилагч энэ эмэгтэй манайд хоёрхон жил ажиллахдаа анагаахын салбарын гогцоо асуудлуудыг ийнхүү хөндөөд, ид хүйтнээр Хялгантад өвөлжиж буй монгол эмээ, өвөө хоёрыгоо эргэж амжсанаар халуун итгэл сэтгэл тээн нутаг буцсан билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ