Categories
мэдээ цаг-үе

Бүрэн зэвсэглэсэн хятадын 120 гаруй цэргийг ганцаараа буулган авсан З.Жигжидсүрэнг шагнахын оронд шоронд хорьжээ

1949 онд Монголын хамгийн урд цэг болох Өмнөговь аймгийн Орвог гашууны
бор толгойн ойролцоох хилийн дугаар баганат тэмдэгтийн хавийн газраар хоёр ч
ачааны машин дүүрэн, 120 гаруй зэвсэглэсэн хятад цэрэг цөмрөн орж ирсэн билээ.
Харин тэдгээр хил зөрчигчдийг бага дэслэгч З.Жигжидсүрэн буун дуу гаргалгүй
буулган авсан талаар үе үеийн хилчид ам дамжин ярилцсаар өдий хүрчээ. Уг
баатарлаг үйл явдлын дурсгалын хөшөөг өнгөрсөн тавдугаар сард Орвог гашууны бор
толгойн ойролцоо босгосон юм. 60 гаруй жилийн өмнө болсон дээрх үйл явдлыг
хамгийн сайн мэдэх нэгэн бол өдгөө 80 насны босгыг давсан хилийн цэргийн
бэлтгэл хурандаа Г.Хүүжий гуай юм. Тэрээр 1954 онд Дотоод явдлын яамны тусгай
хороонд цэрэгт татагдаад, 1956 онд офицер цолтой болсныхоо дараахан ЗХУ-д
суралцаж эх орондоо ирсэн бөгөөд зүүн хязгаар нутаг болох Сүхбаатар аймгийн
Онгон, Чойбалсан хот орчмын хилийн отрядын даргаар 1974-1987 он хүртэл
ажиллажээ. 1989-1996 оны хооронд Монгол, Оросын хилийг тодруулах албаны дэд
даргаар Засгийн газраас түүнийг томилон ажиллуулсан юм. Түүнтэй дээрх болсон
явдлын талаар ийн хөөрөлдсөн юм.

-Таныг бага дэслэгч З.Жигжидсүрэн агсны байгуулсан гавьяаны талаарх дам
яриаг дуулаад, тэр даруй баримт материал сэлт цуглуулж эхэлсэн гэх юм билээ.
Чухам юу болсон талаар та дэлгэрэнгүй яриач?

-Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгойн хойхно талд Гурван бичигтийн
хилийн застав гэж байсан. Хожим энэ заставыг Баянбулагийн эхэнд нүүлгэсэн.
Баянбулагийн заставын туурь хилийн шугамаас гурван км орчимд байрладаг. 1949
оны аравдугаар сард заставын хоёр дарга Улаанбаатар руу сургалтад яваад,
тэднийг орлож бага дэслэгч З.Жигжидсүрэн үлдэж. Тухайн үед цэргүүд халагдаад,
шинээр татагдсан цэргүүд застав дээрээ очиж амжаагүй байсан учраас хүн бүл
муутай байсан хэрэг. Ингээд аравдугаар сарын 20-ны өглөө заставын манаанд
гарсан цэрэг Орвог гаршууны бор толгой орчимд машины дуу гарлаа гэж мэдэгдсэн
аж. Тэр даруй З.Жигжидсүрэн жагсаалын дарга н.Ганганд “Шаардлага гарвал нэмэлт
хүч дуудаарай” гэж хэлчихээд нэг цэрэг дагуулаад, тэмээ унаад машины дуу гарсан
газар руу явсан гэдэг. Намрын туранхай тэмээ ч хэсэгхэн яваад зогсчихсон болохоор
орхиод цааш алхсан байгаа юм. Очтол Орвог гашууны бор толгой орчмоор
баруунаасаа зүүн чиглэлд яваад өнгөрсөн суудлын машины мөр байсан гэсэн. Тэрхэн
хэсэг газар бол Монголын талаас хятад руу хошуулдан түрж орсон нутаг дэвсгэр
учраас түүгээр баруунаасаа зүүн чиглэлд нэвт гараад явчихсан байсан гэсэн үг.
Мөрийг нь дагая гэхээр Хятадын газар нутаг руу орчих болохоор тэмдэг тавиад
орхиж. Тэгтэл төд удалгүй баруун зүгт ачааны машины дуу гарсан аж. Манай хоёр
хилчин биеэ халхалчихаад ажиглалт хийсэн чинь нэг хөнгөн тэрэгний араас хоёр
ачааны машин явж байсан гэдэг. Ачааны машинд нь бүрэн зэвсэглэсэн дүүрэн хятад
цэрэг байсан бол өмнөх суудлын тэрэгэнд нь захирагч нь бололтой бусдаасаа содон
дүрэмт хувцастай нэгэн явсан. Нэг ачааны машин кабин дээрээ пулемёт зоочихсон
явсан гэсэн. Жигжидсүрэн хамт явсан цэрэг болох н.Гэндэнсүрэнд “Чи энэ бутны
ард хэвтээд үлд. Би тэдэн дээр ганцаараа очъё. Хэрэв намайг хятад цэргүүдийн
өөдөөс явж байгаад буудуулж амиа алдах эсвэл баригдах юм бол чи застав руу
шуурхай хэл хүргээрэй. Хэрэв над руу гал нээлгүй, баривчлахгүйгээр надтай
ярилцах юм бол би учраа олохыг хичээе” гээд бичиг баримтаа далд хийчихээд, нэг
гартаа бүрх малгайгаа, нөгөө гартаа гар буугаа бариад тэдний өөдөөс нь алхсан.
Түүнийг хараад хятад цэргүүд ч зогссон гэдэг. н.Гэндэнсүрэн Хөвсгөл аймгийн
Цэцэрлэг суманд саяхныг хүртэл амьдарч байсан бөгөөд тэрээр “Хоёулаа тэдэн дээр
очъё гэхэд нэг нь энд үлдэж, заставтайгаа холбоо барих шаардлагатай гэчихээд
З.Жигжидсүрэн буу, малгайгаа гартаа барьчихаад хятадууд руу алхаж явахад нь
нурууны хүйтэн хөлс чийхарч, хөл салгалж байсан” гэж хожмоо дурсан ярьсан
байдаг. Азаар хятадууд гал нээсэнгүй. Хүч түрэмгийлэн баривчлахыг ч
оролдсонгүй. Машиных нь дэргэд очоод харилцах гэсэн чинь хэл нэвтрэлцдэггүй
дээ. Хятад цэргүүд дунд орос хэл гадарладаг нэгэн байсан тулдаа хагас дутуу
ойлголцсон. Манай хүн бол оросоор чөлөөтэй ярина. Оросоор яриад, шороон дээр
зурж байгаад тэдэнд монголын нутаг дээгүүр явж байна гэдгийг нь ойлгуулаад “Та
нар Орос болон Монголын цэргийн ангид бүслэгдсэн. Та нар гарах гарцгүй, бууж
өг” гэжээ. Ингээд түүний шийдэмгий царай, эрэмгий төрх дээрх үгсийг үнэнд
ойртуулахад багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Хөнгөн тэрэгэнд суусан
өнөөх содон хувцасласан эр бусдадаа нэг зүйлийг хэлтэл 120 гаруй цэрэг эрс
зэвсгээ газар тавьцгаасан байгаа юм. Ингэж хил зөрчсөн тэднийг буун дуу
гаргалгүй буулган авсан гэдэг.

-Тэгэхээр тэд замаа дөтлөх гэж Монголын нутаг дээгүүр явсан хэрэг үү?

-Судлаач хүний хувьд тэгж дүгнэдэг. Өөр зорилго байхыг үгүйсгэхгүй.
Манай улс орныг эзлэн түрэмгийлэх гэж илт орж ирээгүй боловч З.Жигжидсүрэн ийм
овсгоо самбаа гаргаагүй бол олон арван хилчдийн амь нас үрэгдэж болох байсан.
Тухайн үед өнөөдрийнх шиг хилийн багана, торон зурвас сэлт байрлуулаагүй байсан
учраас тэд ч манай газар нутаг дээгүүр явж байна гэдгээ мэдээгүй хэрэг.

-Тэдгээр хятад цэргүүд ямар шалтгааны улмаас ийн хил зөрчсөн юм бол?

-Тэд Хятадын ардын чөлөөлөх армид хөөгдсөн Гоменданы цэргүүд байсан.
Тухайн үед өмнөд хөрш дотооддоо гурван хэсэг болчихоод, хоорондоо тулалдаж
байлаа шүү дээ. . Мао Зедуны ардын чөлөөлөх арми болон Гоменданы хятадын Жан
Кай Шигийн арми тус тусдаа Японы эсрэг байлдаж байсан. Япон бууж өгсний дараа
ЗХУ-аас Хятадын ардын чөлөөлөх армид винтов буунаас өгсүүлээд бөмбөгдөгч онгоц,
далайн хөлөг онгоцоо бэлэглэсэн. Тэгэхээр ардын чөлөөлөх арми зэр зэвсгээрээ
Жин Кай Шигийн гоменданы
цэргээс хавьгүй илүү байсан учраас ийн хялбархан хөөж явуулсан хэрэг.

-Олзны
цэргүүдийг тэр даруй эх оронд нь хүлээлгэн
өгсөн юм болов уу?

-Тэднийг жил гаруй саатуулж байгаад 1950 он гарсан хойно эх оронд нь
хүлээлгэн өгсөн.

-З.Жигжидсүрэнг ийм гавьяа байгуулсаар атал шагнах биш харин ч шийтгэл
оногдуулсан гэсэн байх аа?

-Хил зөрчигчдийн талаар тэр дор нь отряд руугаа мэдээлэл өгч холбогдох
албан тушаалтнууд ч ирж, арга хэмжээ авсан. Энэ үеэр хятад цэргүүдийн авч явсан
эд хогшилд З.Жигжидсүрэн гар хүрчихсэн юм билээ. Ганц З.Жигжидсүрэн ч биш
заставын бусад цэргүүд ч авч явсан даалуугаар нь тоглож, тамхи тариа зэргээс нь
бага сагахан авчихсан юм билээ. Үүгээр нь шалтаглаж Дотоод яамны хязгаарын
цэргийн командлалын албан тушаалтнууд шалгаад, З.Жигжидсүрэнг ганцааранг нь
буруутгасан. Дотоод яамны коллегийн хурлаар уран арга хэрэглэж, Хятадын
зэвсэглэсэн 100 гаруй цэргийг ганцаараа буулгаж авсныг нь сайшааж байсан мөртөө
10 хоног гянданд хорих ялаар шийтгэж байсан. Яахав, олзны хятад цэргүүдийн эд
хогшлыг хэрэглэж, тамхи сэлтийг нь авч хэрэглэсэн гэдэг нь угтаа шалтгаан биш
шалтаг л даа. Тухайн үед Дотоод явдлын яамныхан Хятадын талд ажиллаж, өөрийн
хүнээ урамшуулахын оронд шийтгэсэн.

Ер нь тухайн үед одоогийнх шиг хилийн багана, төмөр зурвас сэлт
байгаагүй ч аль хэдийнэ зоригт хилчин эрсийнхээ шарилаар хилийнхээ баганыг
тогтоочихсон байсан. Хятадтай 4000 гаруй км хиллэхдээ 1962 оныг хүртэл албан
ёсоор байгуулсан хилийн шугам байгаагүй. Бид зэвсгийн хүчээр хамгаалж байсан.
Орвог гашууны бор толгой дээр пулемёттой цэрэг байрлуулчихаад л “Үүнээс дотогш
хятадын цэргийг нэвтрүүлж болохгүй” гэсэн даалгавар өгчихнө. Ухрах эрхгүй. Ямар
ч үнэ цэнээр хамаагүй хил зөрчигч энгийн иргэн болон зэвсэглэсэн этгээдийг
зогсоох, хориглох,шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч иртэл амиараа дэнчин тавьж
тулалдах ёстой. Энэ бол хүний ёс талаасаа авч үзвэл харгис шийдвэр. Тэгээд ч уг толгодоос дотогш
Монголын газар нутаг гэдгийг Хятадын талаас албан ёсоор зөвшөөрч, харилцан
тохиролцоогүй юм чинь хятадын цэргүүд нэвтэрч орж ирэх бол хэвийн үзэгдэл
болчихсон байсан даа. Тэд ч үүнийгээ хил зөрчиж байна гэж боддоггүй байсан биз.
1962 онд Хятадтай хилийн гэрээ байгуулахад манай талаас цэрэг зэвсгийн хүчээр
хамгаалж байсан газар нутгаасаа сөөм газрыг ч хятадуудад өгөөгүй авч үлдэж
чадсан. Хил дагуух тэр толгод, гацаа, уул, гол горхины эрэг дагуу хилчин эрсийн
шарил байгаа юм чинь тэр газар нутгийг хятадууд манайх гэж хэлж зүрхлэхгүй.
“Манай тэр цэрэг энд байлдаж байгаад амь насаа алдсан. Гэгээн дурсгалыг нь
хүндэтгэн бидний босгосон чулуу энэ байна. Ухвал шарил нь ч бий” гэж хэлэхээр
тэд бидэнд тэрхүү газрыг үг дуугүй өгсөн. Тухайлбал 1948 онд Байтаг богдод
гурван цэргээ буутай нь байрлуулаад, алхам ч ухарч болохгүй гэсэн тушаал өгсөн.
Тэд тэндээ хятадын цэргийг эсэргүүцэн байлдаж, эцэст нь бүслэгдэн амиа алдсан.

-Бага дэслэгч
цолтой байсныг бодоход хил хамгаалах албанд удаан ажиллаагүй юм аа даа?

-Ингэж
шийтгүүлснийхээ дараагаар тэрээр Говь-Алтай аймгийн отрядад олзны япон цэргийг
хамгаалах хороонд ажиллаж байгаад 1953 онд
орон тооны цомхотголоор халагдсан. Шийтгүүлж, шорон оронд орсон хүнийг цэргийн
газар ажиллуулахгүй гэсэн шийдвэр гарсан байлгүй дээ, бодвол. Үүнийхээ дараа
барилгын цэрэгт хэсэг хугацаанд ажилласныхаа дараа Булган аймаг руу шилжсэн. Уг
нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул. Үр хүүхдээ өсгөх гэж энд тэнд хар бор
ажил гололгүй хийдэг байсан. 1950-аад онд буюу 30 гаруйхан насандаа ан хийж
яваад бусдын суманд оногдон амиа алдсан байдаг. Нөхөд нь түүнийг эх оронч
Жигжид гэж авгайлдаг байсан тухай баримт бий. Хувь хүнийх нь зан чанар талаас
авч үзвэл дайчин гавшгай, зорьсноо биелүүлдэг хүн байсан гэдгийг ойр дотных нь
бүх хүн хэлдэг.

-Өнгөрсөн хавар түүний байгуулсан дээрх баатарлаг гавьяаг мөнхжүүлэх
зорил­гоор хөшөө босгосон гэсэн?

-Орвог гашууны бор толгой орчимд З.Жигжидсүрэн болон бусад хилчдийн
баатарлаг гавьяаг үеийн үед дурсан санах зорилгоор хилийн 0131 дүгээр ангийн
ахмадын хорооны санаачилгаар хөшөө босгосон. Дээр нь Цагаан дэрсний заставыг
З.Жигжидсүрэнгийн нэрэмжит болгохоор багагүй хөөцөлдсөн ч бүтээгүй. Өмнөговь
аймгийн ИНХ-аас хилийн цэргийн баатар эсвэл гавьяа цолгүй бол болохгүй гэсэн.

-З.Жигжидсүрэн агсны үр хүүхдүүд байдаг болов уу?

-Түүнийг цэргээс
халагдах үед нь анхны эхнэр нь нас бараад, ганц охинтойгоо үлдсэн. 1960-аад
онд, барилгын цэрэгт хоёр жил гаран ажиллаж байтал хоёр дахь эхнэр нь бас нас
бараад гурван өнчин охинтой үлдсэн. Одоо хоёр охин нь амьд сэрүүн энх тунх
амьдарч байгаа.

Categories
мэдээ нийгэм

Ангийн хүүхэд нь маажсаныг багшийг нь болгож гүжирдсэн гэв

Өнгөрөгч амралтын
өдрүүдээр Сонгинохайрхан дүүргийн 119 дүгээр цэцэрлэгийн багш О.Цэцгээ ангид нь
элсэн орсон хоёр настай хүүхдийг зодсон талаарх мэдээлэл цахим ертөнцөд багагүй
шуугиан дэгдээсэн. Багшдаа зодуулсан гэх хүүхдийн хөхөрсөн нуруу, гар болон
хумсны сорви бүхий хүзүүний зураг цэцэрлэгийн багшийнх нь харгис, балмад
үйлдлийг шүүмжилсэн сэтгэгдлүүдийн хамт фейсбүүк хуудаснаа богино хугацаанд
олон хүнд хүрсэн. “Есдүгээр сарын 1-нд манай найзын хүүхдийн бугалга хэсэг
хөхөрсөн гэртээ ирсэн бол есдүгээр сарын 2-нд чихнийх нь ард хэсгийг урсан
байсан гэнэ. Гэтэл өчигдөр (есдүгээр сарын 3-нд) гуяны дотор тал, гэдэс, нуруу
нь хөхөрсөн, чихэн дээрээ хумсны сорви болсон байна гээд ангийн багшид нь хэлэхэд
хандив өгч ороогүй юм байж битгий олон юм яриад бай. Агуулж хадгалж байгаад
баярлаж яв гэсэн байна. Цэцэрлэгийнх нь арга зүйчид хэлэхэд хүүхдээ аваад зайл
гэжээ …” хэмээн охины ээжийнх нь найз өөрийн фейсбүүк хуудаснаа бичжээ. Уг
мэдээллийн мөрөөр нийслэлийн боловсролын газраас тус цэцэрлэгт шалгалт хийхээр
болсон байна.

Болсон явдлын
талаар тодруулахаар өчигдөр 119 дүгээр цэцэрлэг дээр очсон юм. Зодуулсан гэх
охиныг Н.Нандин-Эрдэнэ гэдэг бөгөөд тус цэцэрлэгийн О.Цэцгээ багштай бага “А”
хэмээх бүлэгт хэдхэн хоногийн өмнө элсэн оржээ. Биднийг тус анги руу орох үед
О.Цэцгээ туслах багш П.Эрхэмболорын хамт хүүхдүүдэд өдрийн хоолыг нь өгч байсан
юм. О.Цэцгээ “Би энэ цэцэрлэгт сүүлийн 30 гаруй жил багшилж байна. Өнгөрсөн
хугацаанд ганц би бүү хэл манай цэцэрлэгийн хэмжээнд иймэрхүү асуудал огт гарч
байгаагүй. Энэ удаагийн үүсээд байгаа асуудал ч цахим ертөнцөд цацагдаж, хэвлэл
мэдээллийн хэрэгслээр олонд мэдээлэгдээд байхаар ноцтой асуудал биш. Өнгөрсөн
баасан гаригт Н.Нандин-Эрдэнийн ээж н.Номин-Эрдэнэ гэх эмэгтэй ирээд “Цэцэрлэгт
явуулаад долоо ч хоноогүй байхад хүүхдийн минь бугалга хөхөрч, чихнийх нь ар
хэсэг уруулж, нуруу нь хөхөрсөн байна” хэмээн гомдоллосон. Тухайн үед түүний
яриад байгаа шиг тэгтлээ аймаар хавдаад, хөхөрсөн зүйл байгаагүй. Есдүгээр
сарын 1-нд бугалга нь хөхөрсөн байсан гээд байгаа. Гэтэл тэр өдөр бараг хичээл
ороогүй шүү дээ. Ганц хоёрхон цаг болоод л эцэг эхчүүд хүүхдээ ирээд авцгаасан.
Эцэг эхээсээ анх удаагаа холдож байгаа нялх амьтад чинь дууд дуугаа аваад
үйлалдчихдаг юм шүү дээ. Харин нуруун дээр нь хурууны өндөгний дайтай хоёр
хөхөрсөн байсан. Гэхдээ хоорондоо хол зайтай. Хэрэв чимсэн бол хоорондохь зай
нь ойр, дээрээс нь андашгүй байна биз дээ. Нэг ой долоон сартайгаас хоёр нас
хүртлэх 30 гаруй хүүхдэд хоёрхон багш цаг минут тутамд анхаарал тавьж,
хараандаа байлгаж чадахгүй учраас хүүхдүүд нэгнээ санамсаргүй түлхэн унагаах,
ирмэгтэй зүйлээр цохих явдал байгнга биш ч гэсэн хааяа гардаг. Тэр бүү хэл
өөрөө гүйж яваад ч нуруугаа ширээ, сандлын буланд цохисон байхыг үгүйсгэхгүй. Бас
ангийнхаа н.Тэлмэн хэмээх охинд чихнийхээ ар хэсгийг маажуулчихсан байсан.
н.Тэлмэнгийн ээжид болсон явдлыг хэлээд, хүүхдийнхээ хумсыг авахыг сануулсан.
Гэтэл намайг маажсан гээд н.Номин-Эрдэнэ гүтгэсэн. Яаж ч бодсон тэр нялх
амьтдын хүзүү гарыг урж маажих нь бүү хэл чангахан ч атгаж зүрхэлдэггүй хүн
чинь юу боллоо гэж цус гарч, улайтал нь маажих билээ. Учраа мэдэхгүй нялх
хүүхдүүд нэгнийгээ маажих явдал байнга биш ч гэсэн хааяа тохиолддог. Тэглээ ч
чи энэ цэцэрлэгтээ сүүлийн 30 гаруй жил тасралтгүй багшилж байна. Өөрийнхөө ач
зээ шиг алгын чинээ нялх хүүхдийг хөх няц болтол нь зодно гэж юу байх билээ.
Хүсвэл та нарт хөх няц болтлоо зодуулсан гээд байгаа охиныг харуулж болно” гээд
танхим руугаа орсон юм. Цамцыг нь сөхөж нуруун дээр хөхрөлт болон чихний арын
сорвийг нь харууласан юм. Чихний арын өнгөж сорви бараг харагдааргүй болжээ.
Нуруунынх нь дунд болон доод хэсэгт хумсын толион чинээ хөх толбо үл мэдэг
харагдав. Тэрээр “Бодит байдал дээр байхад намайг хэвтэрт ортол нь зодож нүдсэн
мэтээр яриад байгааг би ойлгохгүй байна” гэв.

Түүнээс “Хандив
өгч ороогүй байж битгий олон юм яриад бай” гэж хэлсэн эсэхийг лавлахад “Би тэгж
хэлээгүй. Хүүхдээ 17 цаг 30 минутаас хэтрэлгүй, цаг нь ирээд авчихаж бай. Нас
өндөр болохоор эцэг эхчүүдийг нь хичээлийн дараа ирэхийг нь хүлээх хэцүүхэн л
байна шүү” гэж учирлаж хэлтэл өөдөөс “Мөнгө төлж ороогүй болохоор ингэж
гадуурхаад байгаа юм уу. Хичээлээ тараад шууд наашаа ирлээ. Бүх эцэг эхчүүд 17
цагаас өмнө хүүхдээ аваад, манай хүүхэд ганцаараа үлдчихээд байна уу” гээд
уурласан. Ингэж н.Номин-Эрдэнэ хэлчихээд сүүлд нь бид нарыг хэлсэн болгож,
ярьсан хэлснээ гуйвуулж байгаад харамсаж байна” гэв.

Н.Номин-Эрдэнэтэй
утсаар холбогдоход “Цэцэрлэгт явуулж эхэлсэн эхний өдрөөс л чихнийхээ ар хэсэгт
уруулж, гар нь хөхөрсөн байсан. Хичээлийн анхны өдөр багштай нь хэл ам хийгээд
хэрэггүй биз гэж бодтол 2 болон 3-нд нуруу, гуяны дотор хэсэг нь хөхөрчихсөн
ирсэн. Охиныхоо бие ийм болсныг хувцсыг нь солихдоо мэдсэн юм. Ингээд өнгөрсөн баасан гаригт О.Цэцгээд хэлэхэд
хүүхдүүдтэй хөөцөлдөж байгаад л тэгчихсэн биз. Юун сүртэй юм. Эсвэл өөр
цэцэрлэгт явуулж болно шүү дээ” гээд тоогоогүй. Яаж ч бодсон хүүхдүүд нэг
нэгнийгээ тэгж маажиж, цохихгүй. Тэгэхээр нь аргазүйч Ц.Батцэцэг дээр орж учраа
хэлтэл “Хүүхдээ аваад явахгүй юу даа” гэсэн. Миний охиныг цэцэрлэгэс нь хөөх
болсон шалтгаанаа бичээд өгчих. Тэр бичгийг чинь аваад би шалгуулах ёстой
газарт нь хүргэж өгье гэсэн чинь аргазүйч Ц.Батцэцэг надаас уучлал гуйсан.
Харин ангийнх нь багш О.Цэцгээ уучлал гуйгаагүй. Өмнө нь охиноо авах гээд
ялимгүй хоцроод очиход илүү цагийн хөлс мөнгийг нь өгөөрэй гэж загнаж байсан.
Илүү мөнгө нэхдэг шигээ хүүхдийг минь харахгүй л байгаа юм. Хэд хоногийн өмнө
охиноо авах гээд ангийнх нь шатаар өгстөл охин маань шатны ирмэг дээр зогсож
байсан. Багш нарын хэн нэг нь гарч ирээд авах нь уу гээд таван минут хэртэй
зогссон. Хэн нь ч гарч ирээгүй. Хоёрхон настай охин шатну уруу унасан бол хэн
хариуцлагыг нь хүлээх юм. Охиноо орой авахад шээсэн өмдтэйгөө л зогсож байдаг.
Дотуур өмд ч өмсгөөгүй байдаг. Энэмэтчилэн ярьвал их асуудал бий. Юутай ч
өнөөдрийг (өчигдөр) хүртэл охиноо хуучин ангид нь явуулж байгаа. Нийслэлийн
боловсролын газар зэрэг холбогдох байгууллагууд учир зүйг нь олсны дараа охиноо
энэ цэцэрлэгт явуулах эсэхээ шийднэ” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЦОНХОО НЭЭЕ: “Баянзүрх” хотхоны гаднах талбай нийтийн эзэмшлийнх учраас оршин суугчид барилга барихыг эсэргүүцэх ёсгүй гэв

Баянзүрх дүүргийн наймдугаар хороон дахь “Баянзүрх” хотхоны зүүн талд үйлдвэрлэл үйлчилгээ болон орон сууцны зориулалт бүхий найман давхар барилга барих зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Акватик” компанийн захирал Д.Номондалайд өнгөрөгч наймдугаар сарын 18-нд олгожээ. Ийн зөвшөөрлөө авсан даруйдаа Д.Номондалай “Ий Би Си” компаниар барилгаа бариулах гэсэн боловч Баянзүрх хотхоны 109, 110 дугаар байрны оршин суугчид “Манай байрнаас хэдхэн арван метрийн зайд, нар хааж барилга бариулахыг зөвшөөрөхгүй. Тэгээд ч орон сууцны ойр орчимд барилга барих гэж байгаа бол хамгийн түрүүнд оршин суугчдаас нь зөвшөөрөл авсан байх ёстой. Биднээс зөвшөөрөл авах нь бүү хэл ийм барилга барих гэж байгаагаа ч дуулгаагүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ. “Ий Би Си” компани барилгын талбайд экскаватор, ковш болон бетон, арматур зэрэг барилгын материалаа оруулах гэсэн боловч оршин суугчид удаа дараа замыг нь хааж, дотогш нэвтрүүлгээгүй аж. Харин өнгөрөгч бямба гаригийн үүрийн 03 цагийн орчимд экскаватор, ковш зэрэг техникээ барилгын талбайд оруулан, маргаашнаас нь буюу ням гаригаас эхлэн газар шорооны ажлаа эхлүүлжээ. Энэ үеэр “Баянзүрх” хотхоны “Гандирс” СӨХ-ны ажилтнууд, зарим оршин суугчдын хамт урьдын адил эсэргүүцлээ илэрхийлэн, барилгын талбай руу орох хаалгыг нь таглан жагсчээ. Тэгтэл хэсэг залуус гарч ирэн, хүч хэрэглэн тэднийг замаас холдуулж, арматур төмрөө барилгын талбай руу нэвтрүүлжээ. Тус үйл явдлын талаарх зураг, бичлэг аль хэдийн цахим ертөнцөд тавигдан, багагүй шуугиан дэгдээсэн билээ.

Ийнхүү болсон үйл явдлын талаар тодруулахаар “Баянзүрх” хотхонд өнгөрсөн мягмар гаригт очсон юм. Хотхонтой залгаа зүүн урдхан талд нь байрлах “Тэнгэр” группын гаднах автомашины зогсоолыг таглан хашаа хатгаж, барилга барих талбай руугаа зам татжээ. Уг талбайг өмнө нь “Гэр тэрэг” хэмээх компани эзэмшдэг байсан бөгөөд дотроо ганц монгол гэр, хуучны намхан, жижиг барилгаас өөр обьект байгаагүй гэнэ. Харин биднийг очих үед хашаалсан талбайнхаа зүүн талд нь барилгынхаа суурийг цутгачихсан байсан бөгөөд урдхан талд нь арматур төмөр өрөөтэй байлаа. Нийтдээ 1300 м.кв талбайн 300 м.кв-т нь барилга барих бол үлдсэн газрыг нь хүүхдийн талбай, ногоон байгууламж болгон тохижуулах гэнэ. Хашаан дотор бага оврын ачааны болон суудлын тэрэгнээс өөр машин механизм харагдсангүй. Арав гаруй барилгын ажилчид сүүдэр бараадан сууцгааж байсан юм. Тэд “Ном журмынх нь дагуу бүх зөвшөөрлөө холбогдох газруудаас нь авчихаад байхад хажуу байрны оршин суугчид яагаад эсэргүүцээд байгааг ойлгохгүй юм. Тэднээс болж бид хугацаа алдаад, хий дэмий сууцгааж байна” гэцгээж байв. Ийн барилга барихаар цутгасан суурины ардхан талд буюу гурав дөрөвхөн алхмын ард “Жикст” компанийн захиалгаар босч буй хоёр ч барилгын ажил ид явагдаж байсан бол зүүн талд нь алд гаруйнхны зайд Батлан хамгаалах яамны ажилчдын байр харагдаж байлаа. “Жикст” компанийн захиалгаар босч буй барилгуудын нэг нь ес дэхь, нөгөө нь зургаа дахь давхартаа орчихож. Баянзүрх хотхоны оршин суугчдын хэлж байгаагаар дээрх хоёр барилга нь тус бүр 12 давхар бөгөөд барилгын ажлыг хоёрдугаар давхартаа явж байхад нь өнгөрөгч хавар мэргэжлийн хяналтын газраас зогсоосон байна. Гэсэн хэдий ч наадмын үеэр дахин барилгын ажлаа эхлүүлж, өнөөдөр зургаа, есөн давхар хүртэл нь барьчихсан гэнэ.

“Баянзүрх” хотхоны оршин суугчдаас зөвшөөрөл авалгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн гэв

“Гандирс” СӨХ-ны гүйцэтгэх захирал И.Баярмаа “Манай хотхоны зүүн талын “Гэр тэрэг” хэмээх компанийн эзэмшлийн бараг хоосон хашаа байсан. Дотор нь хуучны ганц байшин, гэр л байсан. Тус газрыг “Акватик” компанийн захирал Д.Номондалай эзэмшдэг байсан юм билээ. Ингээд тэрээр тус газар дээрээ үйлдвэрлэл үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий найман давхар барилга барихаар хоёр жилийн өмнөөс хөөцөлдөж эхэлсэн. Манай хотхоны, тэр дундаа 109, 110 дугаар байрны оршин суугчдын дэмжлэгийг авах гэсэн юм гэж надтай өнгөрсөн жил уулзаж байсан. Тэгэхэд нь надаас биш, цонхыг нь халхлах гээд байгаа 240 өрхөөсөө зөвшөөрлөө ав гэж хэлсэн. Түүнээс биш би тэдгээр өрхийг төлөөлөхгүй гэдгээ хэлээд гаргасан. Ингээд 2014 оны тавдугаар сард “Гэр тэрэг” компанийн хуучин хашаанд найман давхар үйлдвэрлэл үйлчилгээ бүхий орон сууцны барилга барихыг зөвшөөрч байгаа эсэхийг оршин суугчдаас асуусан самбар хэдхэн хоног босгочихоод, буулгаад авчихсан. Оршин суугчдын багагүй хэсэг нь амралт зугаалгаар хөдөө орон нутаг руу явж, зарим нь зусландаа гарчихсан байсан учраас самбар босгосныг мэдээгүй. Самбар босгосныг дийлэнх оршин суугчид харсан. Тэд бүгд барилга бариулахыг эсэргүүцэж байгаагаа надаар дамжуулан Д.Номондалайд уламжилсан. Өөрөөр хэлбэл хотхоныхоо дөрвөн мянган иргэнийг төлөөлж, эсэргүүцэж байгаагаа би утсаар холбогдож хэлсэн. Тэгээд л алга болчихсон байж байгаад саяхан гарч ирээд, шууд барилгаа барина гэж хүч түрэмгийлэх болсон. Зүй нь орон сууцтай зэрэгцүүлээд барилга барих гэж байгаа бол оршин суугчдаас нь зөвшөөрөл авах ёстой. Бид зөвшөөрөөгүй, зарим нь бүр мэдээ ч үгүй байхад зөвшөөрлөө ном журмынх нь дагуу авсан, барилгын ажлаа эхлүүлье гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна. Манай 109, 110 дугаар байрны нарыг халхлаад барилга барьчихаар оршин суугчдын тав тух алдагдахаас гадна үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ эрс буурна. Хэдхэн сарын өмнөөс байраа зарах гээд телевизээр зарлуулахад хүмүүс ирж үзээд ганц хоёрхон сая төгрөгөөр хямдруулчихаач гэж гуйдаг байсан бол одоо хажууханд нь барилгын суурь цутгасныг хараад орж үзэх ч үгүй байна” гэсэн юм. Мөн тэрээр “Ойр хавийн оршин суугчдаас нь зөвшөөрөл авах талаарх Засаг даргын захирамжийг биелүүлдэггүй юм аа гэхэд өөрсдийн эзэмшлийн талбайд барилга барьж, орж гарцаа шийдэх ёстой. Гэтэл одоогийн барилгын талбай руугаа нэвтрээд байгаа гарц чинь “Тэнгэр” группын эзэмшлийн талбай. Барилга баригдаад дуусахад энэ гарц хаагдана. Тэр үед өмнө нь зорчиж байсан зүүн талынхаа хаалгыг нээнэ гэсэн. Энэ тохиолдолд автомашинтай гарч орохдоо зайлшгүй манай хотхоноор дамжина. Манай хотхоны оршин суугчид үүнийг зөвшөөрөхгүй байгаагаас гадна өөрсдийнх нь эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа тухайгаа өнгөрөгч гуравдугаар сард НЕТГ, Засаг дарга Э.Бат-Үүл, НМХГ-т хүсэлт хүргүүлсэн. НЕТГ-аас гуравдугаар сарын 26-нд энэ газарт барилга барих зөвшөөрөл олгоогүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн. НМХГ-аас барилгын ажил эхэлсэн тохиолдолд зохих журам, дүрмийг барьж ажиллаж байна уу гэдэгт анхаарахаас бус зөвшөөрөл хууль ёсны дагуу олгогдсон эсэхийг хянахгүй гэдэг хариу ирсэн. Засаг дарга Э.Бат-Үүлээс хариу ирээгүй. Ингэсээр байтал наймдугаар сарын 18-нд барилга эхлүүлэх зөвшөөрөл олгочихсон байгааг үнэхээр гайхаж байна. Өөрөөр хэлбэл орох, гарах гарцыг нь шийдээгүй байж НЕТГ-аас зөвшөөрөл өгчихсөн байна шүү дээ” гэсэн юм.

Баянзүрх” хотхоны оршин суугчид наймдугаар сарын 28-нд буюу өнгөрсөн баасан гаригт СӨХ-ны хурал зохион байгуулжээ. Хурлын үеэр Д.Номондалайн захиалсан барилгыг бариулахгүйн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ иргэд илэрхийлэн, оршин суугчид дундаас 10 хүний бүрэлдэхүүнтэй түр хороо байгуулжээ. Тус хорооны дарга С.Мөнхбаатар “Энэ барилгын ажил наймдугаар сарын дунд үеэс эхэлсэн. Манай хотхоны замаар дамжин, барилгын талбай руугаа нэвтрэх гэсэн машин техник, барилгын материал ачсан ачааны машин зэргийг тухайн бүрт нь зогсоож байсан. Тэгтэл “Тэнгэр” группын захиргаанаас зөвшөөрөл авч, хажуугийнх нь талбайгаар барилгын талбай руугаа нэвтрэхээр болсон байгаа юм. Энэ гарцыг хэсэг хугацаанд ашиглачихаад дараа нь манай хотхоны тал руу гаргасан замаараа зорчих учраас бид үүнийг эсэргүүцэн зогссон. Гэтэл өнгөрсөн бямба гаригийн үүрийн 03 цагт экскаватор, ковш нь дайрч орж ирсэн. Замыг нь хааж зогссон манай нэг оршин суугчийн “Тоёота Клүгэр” машиныг түрэхийг оролдож, сэвтүүлчихсэн. Тэгээд маргааш нь буюу ням гаригт сууриа цутгачихсан. Хамгаалалтын албаны бололтой энгийн хувцас өмссөн хэдэн арван булиа залуусыг эгнүүлэн зогсоож, биднийг хориулж байгаад л арматураа оруулсан. Тэдгээр залуус нь иргэдийг тал тал тийш нь авч шидээд, их бүдүүлэг аашилсан. Тэдэн дунд би явж байсан. Миний ууц нурууны хууч өвчин үүнээс болж сэдэрсэн учраас өвчин намдаах эм давхарлаж уугаад л сууж байна. Манай СӨХ-ны дарга газарт унаад, толгойн ар хэсэг нь хавдчихсан. Өмнө нь НМХГ-ын байцаагч газар дээр нь ирээд барилгын ажлаа эхлэхээс өмнө хашаагаа босгох үүрэг өгсөн. Тэгсээр атал хашаагаа гүйцээж бариагүй хэрнээ суурийн нүхээ ухаад эхэлчихсэн. Өнөөдөр (уржигдар) нимгэн төмрөөр хашаа босгосон харагдаж байна. Тэрнийгээ дагуулаад бетонон хашаа босгох гээд хашлагыг нь хийчихээд, өнөөдрийг хүртэл цутгалтаа хийж эхлээгүй л байгаа байхгүй юу” гэсэн юм.

Д.Номондалай барилга барих бүх зөвшөөрлөө ном журмынх нь дагуу авсан гэв

Харин “Акватик” компанийн захирал Д.Номуундалай “Бид барилга барих зөвшөөрлөө бүгдийг нь ном журмынх нь дагуу авахын тулд сүүлийн хоёр жил гаруй хөөцөлдсөн” гээд бидэнд барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ компани болон УСУГ-ын удирдах албан тушаалтны зөвшөөрөл бүхий техникийн нөхцөл, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн зураг төслийн ерөнхий дүгнэлт зэрэг холбогдох баримт бичгийг үзүүлсэн юм. Мөн тэрээр “Тэнгэр группын хашаагаар бид арванхоёрдугаар сар хүртэл нэвтэрнэ. Үүний дараа машины зогсоолын талбайг нь чөлөөлж өгөх учраас зүүн талынхаа хаалгаар буюу “Баянзүрх” хотхоноор дамжин гарч орох юм. Гэтэл “Баянзүрх” хотхоныхон гаднах талбайгаа өөрсдийн эзэмшлийн мэт аашилж, түүгээр биднийг нэвтрүүлэхгүй гээд байгаа нь учир дутагдалтай. Яагаад гэвэл Нийслэлийн өмчийн харилцааны газраас манай барилгын орц гарцыг баруун талдаа буюу “Баянзүрх” хотхоны гаднах талбайгаар дамжиж байхаар кадастрын зурагт тусгагдсан болохыг баталгаажуулж өгсөн. Өөрөөр хэлбэл хотхоны эзэмшил газар нь зөвхөн барилгуудын сууриудаар кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн учраас Баянзүрх хотхоны гаднах талбай нийтийн эзэмшлийнх гэсэн үг. Тиймээс бид үүгээр чөлөөтэй нэвтэрч болно. Нийтийн эзэмшлийн талбайгаар зорчих гэж байхад өөрийнх нь эзэмшил мэтээр аашилж, барилгын ажлыг зогсоочихоод байна. Бид хэдхэн хоног барилгын ажил зогсоход зургаагаас долоон сая төгрөгийн хохирол амслаа. Хохирлоо энэ бүх эсэргүүцлийн хууль бус ажиллагааг толгойлж байгаа нэр бүхий гурван хүнээс нэхэмжилнэ. Бүх зөвшөөрлийг нь авчихсан учраас НМХГ, НЕТГ, НӨХГ зэрэг байгууллагаас ямар нэгэн албан ёсны хориг саад тавиагүй. Машин тэрэг оруулахгүй гээд зам хаагаад суулт хийчихээр цагдаа дуудсан ч тараах эрхгүй учраас ажлаа эхлүүлж чадахгүй байсаар байна. Найман давхар барилгын нэгээс зургаан давхарт цэвэр ус, оффисын зориулалт бүхий хөшиг зэрэг манай компанийн жижиг дунд үйлдвэрлэл явагдах бол долоо, найман давхарт нь үйлдвэрийн ажилдын орон сууц байх юм. Жижиг дунд үйлдвэрлэл учраас хэт их чимээ шуугиан гаргаж, орчин тойрноо бохирдуулаад байхгүй. Мөн бусад ЖДҮ эрхлэгч нарт талбай түрээслүүлнэ” гэсэн юм.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Анхны Ерөнхийлөгчийн нэг анги

Нийслэлийн арвандөрөв­дүгээр бүрэн дунд сургуулийн анхны буюу 1960 оны төгсөгч­дийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд эх орныхоо хөгжил дэвшилд өөрсдийн үнэ цэнтэй хувь нэмрээ оруулсан, гавьяатай эрхмүүд. Энэ ангид Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, Монголын нефть хангамжийн салбарыг өөд нь босгосон ууган мэр­гэжилтэн Маньбадар, 200 гаруй сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн эдийн засагч Дарьчулуун, Эрдэнэт, Бүрэнцогт, Мардай зэрэг уурхайн төслүүдэд эх орны нүд чих болж ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир, ШУТИС-ийн доктор, багш О.Батмөнх, Шараа нар сурч байжээ.

Товлосон цаг, болзсон газартаа анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат тэргүүтэй арваад хүн цугларчээ. Нэгнийхээ амар мэндийг мэдэлцэхийн сацуу ирж амжаагүй бусдынхаа тухай бие биеэсээ сураглацгаана. “Байнга уулзалдаж, холбоо харилцаатай байхыг хичээдэг ч жилдээ ганц хоёрхон л уулзалдах юм. Нас өндөр болоод явах суухаа үр хүүхэд, ач зээ нараараа заалгадаг болоод байна шүү дээ. Харамсалтай нь уулзах бүрт ширээ тойрсон хоосон сандлууд нэг нэгээр нэмэгдээд …” гэцгээснээ дор бүрнээ чимээгүй болцгоов. П.Очирбат “Бурхан болсон гэдгийг нь дуулаад сүүлд нь 20, 20 мянган төгрөг цуглуулж ар гэрийнхэнд нь өгөх биш, амьддаа л аль болох олон уулзалдахыг хичээх юм” гэвэл бусад нь “Тэр ч ёстой үнэн шүү” гэцгээн толгой дохив.

Тэд 1960 онд аравдугаар ангиа 32-уулаа төгссөн бөгөөд өдгөө 17 нь сэрүүн тунгалаг, насны намартаа сууна. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат “Хар хилэн формоо өмсөөд, улаан бүчээ зүүгээд дэгж, дэрвэж явсан нь өчигдөрхөн мэт санагдавч өдгөө хагас зуун жил өнгөрчээ. Бараг хоёр хүүхэд тутмын нэг нь бурхан болж. Хорвоогийн жам юм даа. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэе” гээд өндийвөл бусад нь ч мөн адил босч зогсон, хэсэг дуу хураалаа. Тэдний сургуульд 1958-1959 оны хичээлийн жилд нийт 70-аад сурагчтай есдүгээр ангийн хоёр ч бүлэг хичээллэдэг байсан ч аравдугаар ангид тэн хагас нь л тэнцэн, элсэн оржээ. Тэр ч утгаараа эдний ангийнхан бүгд хичээл сурлагадаа жигд сайн байсан талаар ангийн дарга Эрдэнэ-Очир “Өнөөдөр бол бага, дунд, дээд гээд аль ч шатны сургуульд элсээд, төлбөрөө төлсөн л бол төгсдөг. Бидний үед тэгдэггүй байсан. Сахилга бат сул, хичээл сурлагадаа тааруу сурагчдыг үг дуугүй улираана. Хичээл сурлагаас гадна зан суртахууныг давхар шалгана. Энэ өндөр шалгуурыг давж манай ангийнхан төгсөх жилээ бүрэлдсэн юм. Харин П.Очирбат наймдугаар ангиасаа шууд арав руу дэвшиж орж ирсэн. Шалгалт дээр бүгд онц сайн авдаг байсан учраас дүнгээрээ бус шалгалтын материалыг хэн хэдэн минутад хийхээрээ өрсөлддөг байлаа шүү дээ. Шалгалтын хугацаа 40 минут байтал ангийнхны маань талаас илүү нь 30 минутын дотор хийчихнэ. Хичээл завсарлатал ангийн гадаа хүлээх зуураа “Би 28 минутад өөрийн вариантынхаа таван даалгаврыг хийчихээд багшид хураалгасан” гэвэл “Би тэрнээс чинь ч өмнө хийж дуусчихаад, материалаа хянаж байсан юм. Хэрэв багшид шууд хураалгасан бол чамаас түрүүлэх байсан. Хэн гурав дөрөвт орлоо” хэмээн ярилцах зуур шалгалтын хугацаа дуусч, хонх дуугарахад ангид үлдсэн хүүхдүүд хажуугийн вариантаа давхар хийгээд хугацаа алдчихлаа” гэсээр гарч ирдэгсэн” гэвэл бусад нь “Үнэхээр тийм шүү” гэцгээн толгой дохив. Бүгд сурлагадаа жигд сайн байсан учраас хоёр хүүхэд тутмын нэг нь тухайн үеийн ЗХУ буюу хойд хөршид суралцан, мэргэжил эзэмшжээ.

Өдгөө автын инженерээр ажиллаж буй Нарангэрэл ангийнхаа Тогостой гэрлэжээ. Тэд энэ ангиас төрсөн хос. Бүр, нэг ширээнд тохой нийлүүлэн суудаг байжээ. Ангийн хөвгүүд нь Нарангэрэлийн захиаг, охид нь Тогосынхыг өөр хооронд нь зөөдөг байснаа дурсан ярилцана. “Тэр үед одоогийнх шиг гар утас бүү хэл гэртээ телевизор, радиотой айл ховорхон байлаа. Сэтгэлээ илчлэхдээ бүгд захиа бичнэ. Манай ангид дан захиа бичдэг, түүгээрээ “мэргэшсэн” хүүхдүүд ч байлаа. Бүр захианы төрлөөрөө шүү. Хайрын захиаг бол Цэрэнханд, хэн нэгнээс уучлал хүссэн захиаг Дамдинсүрэн бичдэг байлаа” гэцгээв.

Тэд бол сургуулийнхаа анхны төгсөгчид бөгөөд төгсөлтийн баярынхаа үеэр сургуулийнхаа гадаа мод тарьжээ. П.Очирбат “Одоогоос 55 жилийн өмнө тохой хэрийн урттай зулзаган хус, хайлаас тарьсан. Сургуулийн жижүүр, манаач нар сайн усалж тордсоны хүчинд хэдхэн жилийн дотор сагсайтал ургасан. Одоо бид өвгөрч, хөгшрөөд жижгэрсэн бол бидний тарьсан зулзаган модод сургуулиас өндөр ургасан харагдана лээ. Багахан цэцэрлэгт хүрээлэн болчихсон юм уу даа. Хааяа салхинд гарахдаа, сургуулийнхаа хажуугаар, тарьсан моддынхоо доогуур алхах юутай сайхан. Сургууль руугаа орвол хана тааз, ширээ сандлаас өгсүүлээд шатны гишгүүр бүрт шингэсэн нандин дурсамж сэргэдэг байсан. Хэрэв тэд бүгд хэл амтай байсансан бол мөнчиг сайхан түүх өгүүлэх байсан даа. Таван жилийн өмнө бид ангийнхаа ширээ сандал, шал зэргийг иж бүрнээр нь шинэчилж өгч байлаа. Харамсалтай нь хоёр жилийн өмнө сургуулийн барилга нурж магадгүй гэсэн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гараад, орохыг хориглочихсон. Сурагчид нь ойр хавийн гурав, дөрвөн сургуульд хуваагдаж очсон сурагтай байна лээ. Сургуулийн барилгыг шинэчлэх ажил эхлэхгүй удсан учраас саяхан Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй биечлэн уулзсан. Сайд ирэх жилээс шинэ сургууль барих төсөлд хамруулж өгөхөөр амласан” гэв. Тэд төрөлх сургуулиа барихад гар бие оролцжээ. Тоосгыг нь зөөж, элсийг нь шигшиж байсан гэнэ. Тэр ч утгаараа сургуульдаа элгэмсүү байдаг бололтой.

Тэгтэл нэг нь “Ангиараа олон ч удаа жүжиг давтаж, түүнийгээ хөдөө малчдад тоглодог байснаа санаж байна уу” гэвэл “Яалаа гэж мартах билээ. Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын “Нэг анги” зохиолыг өдөр шөнөгүй бэлтгээд, Хэнтий аймгийн Давшил нэгдлийн малчдад сонирхуулна. Муухан жүжигчнээс хавьгүй дээр. Ямар сайндаа малчид өөр хоорондоо “Ажилд туслуулахаар сурагч хүүхдүүд явуулна гэсэн чинь жүжигчид илгээсэн юм биш үү”, “Харахад хүүхдүүд хэрнээ жүжиглэж байгаа нь томчуудаас ялгаа алга” хэмээн ярилцаж байсныг тодоос тод санаж байна” гэсэн юм.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат наймдугаар ангиа төгсөөд, есдүгээр ангиа алгасаад, шууд аравдугаар ангид элсэн оржээ. Сурлага сайтайгаас гадна наргианч, хүнээр тоглоом хийхдээ элдэвтэй гэдгийг ангийн нөхөд нь хуучилна. Түүнчлэн “Ерөнхийлөгч болсон ч гэсэн бидэнд бол ангийн хүүхэд хэвээрээ” хэмээн Төөдөө хэлэв. Тэрээр “Ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа П.Очирбат ажил хэргийн шугамаар Ховд аймаг орсон. Би тухайн үед Ховдод малын эмчээр ажилладаг байв. Олон жил уулзалдаагүй ангийн хүүхэдтэйгээ уулзаад мэндийг нь мэдчихмээр байсан ч улсын тэргүүнд амар ойртуулахгүй нь мэдээж. Ямар ч байсан холоос ч болтугай бараа сүрийг нь харчихъя гэж бодоод яваад очлоо. Тэгтэл цугласан олны дундаас намайг таниад, танихаар барахгүй гар бариад тэвэрсэн. Бүр хэсэг зуур ярилцаж зогссон. Чи минь хэзээний хар хэвээрээ шив дээ гээд надаар тоглоом хийхээ мартаагүй. Тэгэхэд ангийн анд минь мөн дөө гэсэн өөриймсөг бодол төрж байсан. Одоо ч хэвээрээ” гэв. П.Очирбат “Манай ангид надаас гадна дуурсах алдар, бүтээсэн гавьяатай эрхмүүд олон бий. Наад зах нь 60, 70-аад онд Тээврийн яаманд ганцхан газрын тосны мэргэжилтэн байсан нь манай Маньбадар. Тэрбээр 1978 онд нефть хангамжийн бааз болон 1992 онд НИК-ийг толгойлон байгуулж явсан нэгэн. Эдийн засагч, ангийн анд Дарьчулуун бол Монголын бараг бүх сум суурингийн зохион байгуулалтыг төлөвлөсөн. Эрдэнэтээс авахуулаад Мардай зэрэг уурхайн төслүүдэд ажилласан аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цогт-Очир болон доктор, О.Батмөнх, Шараа нар бий” гэв.

Тэд сургуульдаа анх удаа “Анд нөхөрлөлийн зөвлөл”-ийг байгуулжээ. Уг зөвлөлийн хурал долоо хоногт нэг удаа, хичээлийн бус цагаар болох бөгөөд ангийнхан бүгд гишүүд нь. “Хичээлээ тасалж, муу сурч, сургууль завсардан, хэн нэгнийг дээрэлхэн, үг хэлээр доромжилж, зодоон цохион хийдэггүй их л “дэгтэй” байсан та бүхэнд ийм зөвлөл байгуулах хэрэг байсан юм уу” гэвэл “Хурлаараа бид хэн нэгнийгээ шүүмжилж, шийтгэдэггүй байсан нь үнэн. Тэгэх ч шаардлага байдаггүй байсан юм чинь. Харин бид хичээлээс гадуур ямар ном зохиол унших, гэрийн даалгавраас гадна нэмэлт дасгал хичээл хэрхэн хийх, хүн бүл дутмаг нэгнийдээ хэзээ ус түлээг нь бэлдэлцэж өгөх зэргийг ярина. Бас хөдөө орон нутагт илгээлтээр очиж, тэндхийн малчдад толилуулах жүжгээ ч бэлдэнэ” хэмээн тэд хариулцгаасан юм.

М.Дорж “Ангийнхантайгаа уулзана гэсэн чинь манай ач нар мэл гайхчихсан. Хөгширчихсөн хэрнээ одоо ч нэг анги хэвээрээ юм уу гэж хүртэл асуусан. Тэгэхээр нь өвөө нь та нар шиг жаахан байхдаа сургуульд сураад, ангийнхантайгаа та нарын нэгэн адилаар хөөцөлдөж тоглож байлаа. Түүнээс биш өвөө нь төрөлхийн ийм хөгшин байгаагүй юм шүү гэхээр нээрээ тийм шүү дээ гээд инээлдээд байгаа юм. Тэгснээ бас ангийнхан чинь бүгдээрээ ирэх үү, бас тантай адилхан хөгширчихсөн үү гээд элдвийг шалгааж гарсан даа” гэвэл бусад нь “Бид нар ч мөн ялгаагүй. Ангийнхныхаа уулзалтад явлаа гэхээр гайхаад байдаг юм. Одоо өвгөчүүл, эмгэчүүл болоод алхаж гишгэх, хаашаа явахаа хүүхдүүдээрээ цагдуулдаг болоод байна. Арга ч үгүй биз дээ, автобусанд 15 мөнгөөр зорчдог байх үеийн сурагчид юм чинь. Одоо бол ач зээ нараа дагаад тоглоомын талбай л ордог ажилтай” гэцгээв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд хязгаарын хилчин гэр бүл

Урагшлах тусам уул толгод нь намсан, өвс ургамал нь тачирдан,хар шороон хөрс бор элсээр өнгөө хувиргана. Зам дагуух ногоон торгон дээрх дусал сүү мэт хөврөх зуслангийн хот айлууд цөөрч, хаа нэг тэртээ холд ганц гэр зэрэглээтэн үзэгдэнэ. Хотоос хөдөлсөн даруйдаа саахалтын дайтай яваад л хурдаа хасч, өмнүүрээ мал хуй, морь, мотоцикльтой малчдыг өнгөрүүлж асан жолооч одоо бол тогтмол хурдаар довтолгоно. Бөөгнөрөн хуйлрах үүлс ч замхран, халуун салхи өөдөөс үлээнэ. Бид Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу буюу хангайгаас говийг чиглэн яваа минь энэ. Зорьсон газар, өнжих айл эх орны минь өмнөд хязгаарыг сахин хамгаалж буй Хилийн 0121 дүгээр салбар болох Жаал шандын заставын дарга, хошууч Л.Түвшинтулгынх. Даланзадгадаас урагш чиглэн хагас өдөр хэртэй явсны эцэст намхан толгодын өвөрт улаан хүрэн чулуун хашаа харагдлаа. Түүн доторх байшингуудын ногоон дээвэр наранд гялбан тод гэгч нь үзэгдэнэ. Хилийн цэргийн албаныхантай хамт явсан учраас заставын харуул биднийг зогсоон, цэргийн ёсоор шалгалгүй дотогш нэвтрүүллээ.

Заставын дарга, хошууч Л.Түвшинтулга тэргүүтэй албаныхан биднийг угтан авав. Хошууч Л.Түвшинтулга энэ албанд томилогдоод хоёр гуравхан хонож байсан хэдий ч газар орон, заставын бие бүрэлдэхүүн, техник хэрэгсэл зэрэгтэй аль хэдийнэ танилцчихсан байлаа. Тэрээр 1996 онд Хилийн цэргийн дээд сургуулийг төгсч, ажлынхаа гарааг хилийн 0131 дүгээр ангид бэлэн байдлын ахлах, шуурхай жижүүрээс эхлүүлж байжээ. Харин 2004 оноос Өмнөговь аймгийн Бүдүүн мод, Улаан хошуу зэрэг хилийн заставуудад алба хааж байсан бөгөөд энэ удаад Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм баг дахь Жаал шандын заставт томилогдон ирсэн нь энэ аж. Хошууч Л.Түвшинтулга “Энд нүүж ирээд хоёр гуравхан хонож байна. Албаа хүлээлцэж авах гээд гэрийн бараа харалгүй хэд хонолоо. Эхнэр заставын зочид буудлын эрхлэгчээс гадна тогооч хийдэг учраас бас завгүй. Гэр орноо засч янзалж амжаагүй болохоор жаахан замбараагүй л байгаа даа” гэв. “Хээрийн улс хээгүй гэдэг дээ, тийм ээ” гэвэл над руу нэг их сүрхий гайхсан янзаар харснаа “Нэгдүгээрт бид хээр биш, хилийн заставт байна. Хоёрдугаарт цэргийн анги нэгтгэл, тэр дундаа хилийн цэргийн албаны юм бүхэн эмх замбараа, дэс дараалалтай байх ёстой. Тийм ч байсаар ирсэн, тийм ч байх ёстой. Хэдий гэр орноо хэрхэн засч тохижуулж, эмх замбараатай байх эсэх нь ажил төрөлтэй холбоогүй, хувь хүний хэрэг мэт боловч үнэндээ тийм биш. Гэртээ оронгуутаа гутлаа тайлаад хоймор руугаа шидлээд, гадуур өмдөө зогссон газраа тайлаад хаячихдаг нөхөр ажилдаа ч мөн тэгж салан задгай, хамаа замбараагүй хандана. Бүр зарим хүмүүс гэр орон, албан газар нь нэг хашаанд байрладаг болохоор хувийн ахуй, албаны ажил нь хутгалдчихсан мэтээр эндүүрдэг. Бодит байдал дээр ямар болохыг өөрийн биеэр үз дээ” гэсээр заставын хашааны зүүн хойд булангийн дүнзэн байшин руу чиглэн алхав. Энэ байранд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдардаг юм байна гэж бодсоор үүдний хэсгээр оруут хоёр хаалга байх. Учир нь энэ байшинд заставын даргынхаас гадна ахлах дэслэгч Ч.Жаргалсайхан эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг юм байна. Хошууч Л.Түвшинтулга “Энэ манайх, орцгоо” гэсээр урд талын хаалгыг нь нээлээ. Ханан пийшингээр тусгаарлагдсан хоёр өрөөтэй бөгөөд үүдэн талын, жижиг өрөөнд гаазаар ажилладаг аяны плитка, дотор нь аяга таваг зэрэг сав суулга бүхий гал тогооны жижиг тавилга харагдав. Өмнө нь энд амьдарч байсан хүн зуухаа аваад явсан бололтой, яндангийн дайтай дугуй хар нүх пийшингийн хананд үлджээ. Тус пийшингийн хажууханд хоёр хүн зэрэгцэж суух багтаамжтай ширээ байрлуулчихсан учраас уг өрөөнд өөр эд хогшил агуулахаар зайгүй харагдав. Гэрийн эзэгтэй Т.Урангоо шинэхэн ингэний хоормог, ямааны ааруул, өрмөөр дайлахын сацуу сүүтэй цай аягалав. Биднийг ирэх замд, заставын ойр орчимд хоёр гуравхан сүрэг тэмээ таарснаас бус өөр мал амьтан тааралдаагүй учраас хаанаас шинэхэн сүү цагаан идээ авсныг асуувал “Та нарын ирсэн зүгээс эсрэг талд манай заставын үхэр, ямаан сүрэг бий. Эндээс 10 гаруйхан км-ийн зайтай учраас өдөр бүр шинэхэн цагаан идээ авчирдаг юм. Бас махны хэрэгцээгээ ч тэндээсээ хангачихдаг” хэмээн хариулав. Жаал шандын заставын данстай 500-гаад ямаа, 80 гаруй тэмээн сүрэг байдаг юм байна.

Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн бүлээн цайг залгилснаа цэцгэн толгойтой апьтийрк бариад “Салаад уначихсан нэг хаалгыг нь тогтоочихъё” гэсээр гал тогооны аяга сав суулга бүхий тавилгын өмнө очлоо. Т.Урангоо “Зочид ирчихсэн байхад засч янзлах юмаа дараа болооч, хө” гэвэл “Хоорондоо ярихад гарын хэрэг гэж юу байхав. Тэглээ ч хөгшин нь буцаад ажилдаа гарлаа. Төв анги руу цагийн мэдээгээ өгчихөөд, хилийн багануудаар явах бэлтгэлээ базаасан эсэхийг шалгана. Ажлаа дуусгачихаад тухтай буу халж болно шүү дээ” гэв. Т.Урангоо “Тушаал авч, тангараг өргөсөн болохоор цагийн ажлыг цагт нь амжуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд дарга гэлтгүй зэвсгээ үүрээд хилийн харуулд олон хоногоор явна шүү дээ” гэсэн юм. Эднийх ам бүл тавуулаа бөгөөд гурван охинтой юм байна. Хичээл нь орох дөхсөн учраас хүүхдүүд нь аймгийн төв рүү явцгаасан байлаа. Том охин Т.Насанцэцэг нь энэ жил аравдугаар ангид элсэн орох бол дунд охин Т.Насанжаргал нь долдугаар ангид орох аж. Харин отгон охин Т.Нандинтүшиг таван настай аж.

Хошууч Л.Түвшинтулгын үүрэгт ажил дуусах хүртэл заставын орчин тойронг сонирхохоор гадагш гарав. Заставын захиргааны байрыг шинэчлэн, зай талбайг нь ч томсгожээ. Радио холбоо, заставын дарга, хошууч нарын албаны өрөөнөөс гадна хүүхдийн болон эмчийн үзлэг хийдэг өрөө болон томоо гэгчийн алдрын танхимыг шинээр байгуулжээ. Энд хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагчаас бусад ахмад, ахлах дэслэгч нарыг тогтвортой, удаан хугацаанд ажиллуулахын тулд гэр бүлээр нь заставт байршуулах чигийг Хил хамгаалах ерөнхий газраас баримталдаг гэнэ. Тийм ч учраас сургуулийн өмнөх насны хүүхдэд нь зориулсан хүүхдийн өрөөг байгуулж, иж бүрэн тохижуулжээ. Улаанбаатарт хэр баргийн цэцэрлэгт байдаггүй тоглоом, буддаг ном сэлт тэнд харагдсан. Гэхдээ өнгийн харандаа, дэвтэр зэрэг хичээлийн хэрэгсэл, зарим сэтгэхүй хөгжүүлэх тоглоом зэргийг нэмж авах шаардлагатай байгаа гэдгийг тэд хэлсэн. Харин алдрын танхимын нэг талын ханыг уг заставын гавьяа шагналууд элбэгхэн дүүргэсэн харагдав. Эсрэг талын хананд хуучны банзан гитар өлгөөтэй байснаас гадна шалнаас хагас тохой хэртэй өндөрлөж, багахан тайз зассан харагдлаа. Өмнө нь хуваарилагдан ирсэн гитар тоглодог, дуулах авьяастай цэргүүд сардаа ганц хоёр удаа хүндэтгэлийн өргөөнөө тоглолт хийчихдэг байсан гэнэ. Тус өргөөнд дөрөв таван алд хэрийн урттай номын тавиураар дүүрэн батлан хамгаалах салбарын түүхэн хөгжил, хил хамгаалах албаны цэрэг дайчдын баатарлаг түүх намтар зэргийг харуулсан ном товхимол, сэтгүүлүүд өрөөтэй байв. Түүнээс гадна “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” зэрэг үндэсний өдөр тутмын томоохон сонингууд өрөөтэй байлаа. Дээрх өдөр тутмын сонингуудын хамгийн сүүлийн дугаар нь долдугаар сарын 28-ны мягмар гаригийнх байсан бөгөөд сардаа хоёроос гурван удаа сонин хэвлэлээ татдаг аж. Гэхдээ тэд дэлхий дахинд болон дотоодод өрнөсөн үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг зөвхөн сониноос бус интернэтээс цаг алдалгүй авчихдаг юм байна. Застав хоёр гурван жилийн өмнөөс утасгүй интернэтийн сүлжээнд холбогджээ. Үүний хажуугаар агаарын олон сувагт телевизор үзчихдэг учраас нэг үеэ бодвол өмнөд хилийн аглаг буйд заставт алба хаагчид уйдахааргүй болжээ. Заставт суурилуулсан Жи мобайлын утсаар гэрийнхэн, ойр дотныхонтойгоо хүссэн үедээ холбоо тогтоох бололцоо ч бүрджээ. Т.Урангоо “Бид хоёрыг 2004 онд Өмнөговь аймгийн Бүдүүн модны заставт ирж байхад оросын хуучны радио станцаас өөр цахилгаан хэрэгсэл байгаагүй гэхэд хилсдэхгүй. Өнөөдрийнх шиг өдөр тутмын сонин хэвлэл, телевиз, интернэт гэдэг бол зүүд зэрэглээ мэт хол байсан. Тэгэхээр түүнээс өмнө ямар байсан нь ойлгомжтой. Цэргийн сургуулиа дөнгөж төгссөн залуусыг тийш томилоод явуулчихаар тийм орчинд их уйддаг бололтой юм билээ. Тэгээд л аймгийн төв, Улаанбаатар хотоо бараадна. Бүр хилийн цэргийн албаа орхисон ч тохиолдол бий. Хамгийн гол нь залуу гэр бүлүүдэд хэцүүхэн байсан. Бид хоёр ч мөн тэр үеийн зах зухыг тойроогүй биш дайраад өнгөрсөн. Том охиноо гуравдугаар курстээ төрүүлсэн учраас би нэг жилийн чөлөө авсан. Тэгээд нөхрөө төгсөөд, хилийн цэрэгт ажилд орсноос нэг жилийн дараа би сургуулиа дүүргэсэн. Тэр үед нөхрийн минь бичсэн захидал сарын дараа надад ирнэ. Захидлынхаа завсар цалингаа хавчуулчихсан байдагсан. Захиа авсан өдрөө л захисан, хэрэгтэй зүйлсийг нь шуудангаар явуулахад хоёр долоо хоногийн дараа очдог байсан. Ингэж л хэл амаа авалцаж, мэнд усаа мэдэлцдэг байлаа. Сургуулиа төгсөж ирээд заставт орос хэлний багш мэргэжилтэй надад тохирох ажлын байр байхгүй учраас хоёр жил гаруй Номгон сумын төвд багшилсан. Гэр бүл болоод, том охин минь мэндлээд гурав дөрвөн жил тусдаа амьдарсан. Харин 2000-аад оны сүүлээр хилийн заставын албан хаагчдын эхнэрүүдэд зориулсан ажлын байрыг нэмэгдүүлснээр залуус эндээ тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадсан гэж би боддог. Эндхийн албан хаагчийн эхнэр нь цэргийн цолгүй байлаа ч радио холбоочин, тогооч, зохион байгуулагч, угаагч, оёдолчин, саальчин зэрэг албыг тогтмол цалинтай хийж болохоороо давуу” гэсэн юм. Заставын зүүн урд буланд халуун усны газар байгуулжээ. Нарны эрчим хүчээр усаа халаах төхөөрөмж суурилуулжээ. Энэ бол бүхий л алслагдмал хилийн заставуудын нийтлэг дүр төрх гэдгийг хошууч Л.Түвшинтулга хэлсэн юм.

Хошууч Л.Түвшинтулга гэртээ үдээс хойш орж ирүүтээ, Мухар хулсангийн хилийн харуулаар орж, хил орчмын дугаар баганыг эргэнэ гэдгээ дуулгав. Би ч мөн тэднийг дагаж явахаар болов. Сардаа хоёроос гурван удаа ийн хилийн баганаа тойрч, шалгадаг аж. Заставын дарга, жолоочоос гадна дөрөв таван ч цэрэг буу, хантааз тэргүүтэй хэрэглэгдэх эд зүйлсээ аваад албаны давхар кабинтай, олны нэрлэж заншсанаар аавын цээж машинд суулаа. Бас хилч нохойгоо ч дагуулжээ. Бид цаг гаруй яваад Мухар хулсангийн хилийн харуулын байранд ирлээ. Энд байрлан, үүрэг гүйцэтгэж буй цэргүүд хилийн зөрчил гарч болзошгүй хилийн дугаар тэмдэгтийн хооронд 20-иод км газрыг хамгаалдаг аж. Энэ бүс нутаг нь өндөр уулс, хяр толгод зонхилсон, байгалийн дурсгалт олон газартай онцгой бүс аж. Сайр чулуурхаг хөрстэй бөгөөд хайлаас тоорой, заг, сухай, харгана, хар шаваг, бударгана зэрэг бутлаг ургамал ургана. Бас хулан, зээр, чоно, шилүүс, хярс үнэг, аргаль, туулай зэрэг ан амьтад элбэгтэй гэдгийг цэргүүд хэлж байлаа. Бид цааш явсаар хилийн дугаар тэмдэгт дээр очлоо. Монголын талаас өндөрлөг газрууд дээрээ багана босгож, хилээ манасан бол Хятадын тал хоёр метр шахуу өндөр, торон хашаа татжээ. Хятадын тал дан ганц энэ хэсгээр бус манай улстай хиллэдэг нийт хилийн дагуу буюу 4700 гаруй км ийм торон хашаа татжээ. Уг торон хашаагаа дагуулан сайжруулсан шороон зам тавьчихаж. Хилчид маань хил дагуух мөр шалгах зурвасаа эргэчихээд дараагийн дугаар хилийн баганын зүг хөдөллөө. Ийн хэд хэдэн дугаар багана дээр очин, үзлэг, шалгалт хийсэн юм. Хилийн байдал тайван байснаас гадна мөр шалгах зурваст хүн малын мөр үзэгдсэнгүй. Ийн хилчин маань шалгах ёстой сүүлийн дугаар багана руугаа зүглэв. Хаа холын газраас өндөр дээр далайн харуулын цамхаг мэт өндөр, дугариг хэлбэрийн байгууламжийн бараа нь харагдав. Тэр бол 1970-аад онд баригдсан Хятадын харуулын цамхаг бөгөөд барагцаалбал арван давхар барилгатай дүйхээр өндөр аж. Орой дээр нь гэрэлтүүлэг, дуран сэлтийг өвч байрлуулснаас гадна цамхгийн эргэн тойронд нь жижиг нүх гаргасан байх бөгөөд үүгээр дөрвөн зүгт чөлөөтэй харуул хийдэг байна. Өндөрлөг газарт байрлуулсан учраас хоёр орны хил дагуух нэлээд урт зурваст хяналт тавих бололцоо бүрджээ. Хятадын талаас 2002-оос 2005 оны хооронд хил дагуух тороо шинэчлэн татсан учраас мал хуй салхинд уруудан, ан амьтан өвч бэлчээр хөөн хил давах, төөрч будилсан хүн санамсаргүйгээр хил давах зэрэг зөрчлүүд гарахаа больсон байна. Гэсэн хэдий ч өөр зорилго өвөртлөн хууль бусаар хил давах тохиолдол багассанаас бус ор мөргүй алга болоогүй гэдгийг хошууч Л.Түвшинтулга хэлсэн юм.

Хамгийн хачирхалтай нь Хятадын талаас Солонгос иргэд хил зөрчин орж ирдэг байжээ. Энэ талаар хошууч Л.Түвшинтулга “Хоёр Солонгосын харилцаа хурцадсан 2005-аас 2008 оны хооронд Хятадаар дамжин Монголд хууль бусаар орж ирэхийг завдсан нэлээд олон солонгос иргэдийг бид саатуулж байсан. Тэд Хятадаар дамжин, Монголд дүрвэх гэсэн хэрэг биш л дээ. Хууль бусаар хил нэвтрэх гэж байгаад манайханд баригдвал дүрвэгсдийг хойд Солонгост бус өмнөд Солонгост Монголын талаас хүлээлгэн өгдөг байсанд хамаг учир байгаа юм. Яагаад гэвэл тухайн үед хойд Солонгос ганц Монголтой бус дэлхийн бусад улс орнуудтай харилцаа холбоо тааруу байсан. Ийм учраас өмнөд Солонгос руу дүрвэж, хамаатан садан дээрээ очих гэсэн зорилготой хойд солонгосчууд ингэж манай хилийг зөрчдөг байсан. Хамгийн сүүлд л гэхэд 2007 онд Улаанхошууны заставын хариуцсан хилийн зурвас газраар хойд Солонгосын нэгэн гэр бүл болох залуухан хосууд хоёр настай нярай хүүхэд, өндөр настай ээжийгээ дагуулаад хууль бусаар хил нэвтрэхийг оролдсон. Бүр дүн өвлийн хүйтэн тачигнаж байсан нэгдүгээр сард шүү дээ. Тэднийг бид хилийн зурвас дагуух 20 км газарт гурав хоног хайсны эцэст олж, саатуулсан. Мөрөөр нь мөшгөтөл сүүл рүүгээ тэдний гуталны мөр алга болчихсон. Тэгсэн чинь өвлийн шөнө заг түлж, хөлөө дулаацуулах гэж халуун үнсэн дээр нь гишгэсээр байгаад гутлынхаа улыг хайлуулчихсан байсан. Өвлийн зузаан ултай гутал биш хавар намрын пүүз байсан учраас ул нь амархан хайлж урсах нь арга ч үгүй биз дээ. Тэд дээгүүрээ зузаан хувцасласан хэрнээ доогуураа дан өмдтэй л явж байсан. Бид саатуулаад, застав дээрээ авчрахад нялх хүүхдээ нуруундаа үүрсэн эмэгтэйн сүүж нь цоорчихсон байсан. Бодвол үүргэвчиндээ холгосон байх. Нэгжлэг хийхэд цүнхнээс нь хэд хэдэн боодол эм, гурав дөрөвхөн сав цэвэр ус, ганц годгор хиам, гар чийдэн, чүдэнз л гарч ирсэн. Бас улаан чинжүү байсан. Өвлийн хүйтэнд дангаар нь залгихад дотроос нь халуу шатаад, даардаггүй байсан байх. Түүнээс биш дулаалж өмсөх хувцас, доороо дэвсэх гудас ч байгаагүй. Бас цагаан болон улаан гоёо, чихэр өвс, лидэр зэрэг эмийн ургамал түүх гэж Хятадууд хууль бусаар хилээр нэвтрэхийг оролдох хандлага их гардаг байсан ч хилчдийн уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн дүнд сүүлийн хэдэн жилд энэ төрлийн зөрчил гараагүй” гэсэн юм. Мөн тус онд нэгэн монгол залуу Өвөрмонголоос хоёр морь худалдаж аваад, түүнийгээ унаад хилийн дугаар баганаар хууль бусаар нэвтрээд ороод иржээ. Мөрийг нь мөшгөсөөр явтал хулангийн сүргийн явж өнгөрсөн газартай огтлолцжээ. Гэсэн хэдий ч хилчид энд тэндгүй гишгэлсэн, сүрэг хулангийн мөрнөөс хоёр адууны туурайн мөрийг алдалгүй дагасаар явтал хил зөрчигч мориноосоо бууж хүндэрсэн байжээ. Ингээд өнөөх дагасан мөр нь хулангийнх биш хөтөлгөө мориных болох нь баталгаажин эрлийн ажлыг эрчимжүүлжээ. Түүнчлэн 2002 оны зуднаар хошууч Л.Түвшинтулгын алба хааж асан Улаанхошууны заставын хариуцсан хилийн шугамаар шуурганд уруудсан 500 гаруй адууг хил давах гэж байсныг тогтоон, барьж чаджээ. Хошууч Л.Түвшинтулга “Үе үеийн хилчдийн ам дамжин ярилцдаг баатарлаг нэгэн гавьяа бий. Тэр нь бага дэслэгч З.Жигжидсүрэн ахлагчтай манааны гурван цэрэг буун дуу гаргалгүй, хил зөрчигчид болох хоёр машин дүүрэн хятадын цэргүүдийг буулган авсан байдаг. Энэ бол одоогоос 60, 70-аад жилийн өмнө болсон хэрэг л дээ. Өнгөрсөн тавдугаар сард энэхүү баатарлаг гавъяанд зориулсан хөшөөг байгуулсан. Ам мэхээр буулган авсан байдаг” гэв.

Л.Түвшинтулга бол 12 хүүхэдтэй айлын отгон нь. Гэсэн ч би аав, ээждээ эрхлэлгүй ах эгч нарынхаа гар хөлийн үзүүрт зарагдаж, хэлсэн бүхнийг нь хийж явсан нь хилийн цэргийн хүндхэн албыг түүртэлгүй хаах амьдралын сургууль болсон гэдгийг тэрээр хэлсэн юм.

Жаал шанд застав нь 1966 оны долдугаар сарын 11-нд тухайн үеийн МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны шийдвэрээр НАХЯ-ны тушаалаар байгуулагдаж байсан бөгөөд ирэх онд 50 жилийнх нь ой тохиох гэнэ.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Дашчойнхор

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Японы компаниуд үндэсний үйлдвэрлэгчдэд ингэж зөвлөлөө

Хүнс хөдөө аж ахуйн яам болон Аж үйлдвэрийн яамнаас Япон улсын Шизүока мужтай хамтарсан “Бизнес форум”-ыг өчигдөр зохион байгууллаа. Энэхүү бизнес уулзалтад Японы Шизүока мужийн гадаад худалдаа хөрөнгө оруулалт, хүнсний болон газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэл, хог хаягдлын боловсруулалт, цахилгаан эрчим хүч, өндөр настны асрамжийн үйлчилгээ, шашны эд зүйлийн худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20-иод аж ахуйн нэгж оролцсон бөгөөд тэдэнтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Монголын компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан юм. Тус “Бизнес форум” ижил төстэй бусад уулзалтуудаас илүү өвөрмөц, үр дүнтэй болсон гэдгийг онцлох нь зүйтэй.

Тусгайлан зассан танхимд хоёр орны хэдхэн дарга нар суучихаад, өөдөөс нь харан суух Монголын бизнес эрхлэгчдэд баахан хууль дүрэм, стандарт ярьж, болж бүтэхгүйн саад тотгорыг тоочиж байгаа болов уу гэсэн бодол тээсээр ХХААЯ ортол тэс өөр дүр зураг угтлаа. Томоо гэгчийн танхимд 10 гаруй ширээг дугариг хэлбэрийн болгож засаад, ард нь Шизүока мужийн аж ахуйн нэгжүүдийн захирал, дэд захирал, менежер дарга нар өөрсдийн орчуулагчийн хамт суужээ. Харин Монголын компаниудын төлөөлөл тэдний өөдөөс харж сууж байгаад зөвлөгөө авч, бүтээгдэхүүнээ Японд экспортлох эсвэл хамтарч ажиллах гарц эрэлхийлэхийн сацуу зарим нь хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаагаа дуулгаж байгаа харагдлаа. Зөвлөгөө авахаар суусан хүний ард, ширээ болгоны өмнө хамгийн багадаа дөрвөөс таван хүн дугаарлан зогсож байгаа харагдлаа. Тэд бүгд өөрсдийн үүсгэн байгуулсан компанийнхаа цаашдын үйл ажиллагааг өргөтгөх, гадаад харилцаагаа тогтворжуулах, Японд бүтээгдэхүүнээ экспортлох хүсэл сонирхолтой хүмүүс байлаа. Тэдэн дотроос хог хаягдал дахин боловсруулах, хүнсний бүтээгдэхүүний борлуулалт, түгээлт болон газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдааг иргэд түлхүү сонирхож байлаа.

Японы “Well be food system” бол хүнсний бүтээгдэхүүний олон улс дамнасан борлуулалт, түгээлтийг хариуцан ажилладаг олон жилийн туршлагатай компани аж. Тус компанийн ерөнхий захирал Фүрүтани Хироёши “Хөвсгөл-Их тайга” компанийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланхүү нар уулзалдаж байхтай таарав. “Хөвсгөл-Их тайга” компани 1995 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн бөгөөд энэ хугацаанд дугуй булантай ногоон цайнаас өгсүүлээд бөөр, элэг, зүрх зэрэг эрхтний үйл ажиллагааг дэмжих цай, халгайны зутан шөл, хар ямааны бэлдмэл, савласан аарц, чацарганы сироп, даршилсан жимс, үсний лосьон зэрэг 40 гаруй нэр төрлийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болжээ. “Хөвсгөл-Их тайга” компанийнхан өөрсдийн бүтээгдэхүүнийг Япон руу экспортлох боломжийг эрэлхийлэн энд иржээ. “Хөвсгөл-Их тайга” компанийн гүйцэтгэх захирал Ц.Амгаланхүү “Манай бүтээгдэхүүнүүд цэвэр байгалийн гаралтай, чанартай учраас Япон руу гаргасан тохиолдолд богино хугацаанд үйлчлүүлэгчидтэй болж чадна гэдэгт итгэлтэй байна. Австрали, Америк зэрэг орон руу хувь хүмүүс өөрсдөө болон ойр дотныхондоо хэрэглүүлэхээр бага хэмжээгээр авч явдаг. Тэд үнэхээр ам сайтай байгаа. Гагцхүү хэрхэн яаж албан ёсоор экспортлох тал дээр танай компаниас зөвлөгөө авах гэсэн юм” гэвэл “Well be food system” компанийн захирал Фүрүтани Хироёшиго “Монголын хүнсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг цэвэр байгалийн гаралтай гэдгийг аль эртнээс мэднэ. Тиймээс Японд гаргасан тохиолдолд дорхноо худалдан авагчтай болчихно гэдэгтэй би ч гэсэн санал нэгдэж байна. Хамгийн гол нь байгалийн гаралтай органик чанарыг нь олон улсын лабораториос баталгаажуулсан байх шаардлагатай. Монголд одоогоор олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүнсний шинжилгээ хийгддэггүй учраас бүтээгдэхүүний дээжийг Японд шинжлүүлж болно. Үүнд чамгүй мөнгө зарцуулагдах учраас өөр арга сүвэгчлэх хэрэгтэй. Байнга холбоотой байж, та бүхэн эндээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээг хаана хэрхэн хямдаар өгч болохыг судал, бид тэнд танай хүнсний бүтээгдэхүүний дээжийг зардал багатайгаар шинжлэх арга замыг олохыг хичээе” хэмээн нэрийн хуудсаа солилцлоо.

Тэдний хажууханд Японы үйлдвэрийн хог хаягдал цэвэрлэгээний компанийн менежер Нитоү Ёшихидэ “Маргад эрхи” компанийн захирал Л.Батжаргалтай уулзаж байлаа. “Маргад эрхи” компани хаягдал шил боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийдэг бөгөөд өдгөө тоног төхөөрөмжөө суурилуулаад, 100 мянган тонн түүхий эд цуглуулчихсан байгаагаа дуулгасан юм. Ийн үйлдвэрлэлээ эхлүүлэх гэтэл эргэлтийн хөрөнгөгүй болчихсон аж. Учир нь тэдний үйлдвэрлэсэн замын бордиур зарагдахгүй байгаа гэнэ. Чанарын хувьд экспортын бүтээгдэхүүнээс хол илүү ч санхүүгийн хямралаас үүдэн замын ажил удаашрах болжээ. Хэрэгжиж буй ганц нэгхэн замын төсөлд бордиураа борлуулах гэтэл аль хэдийн хятадын компанитай гэрээ хийчихсэн эсвэл хэтэрхий бага үнэ санал болгодог байна. Тэгэхээр нь цэцгийн сав, дурсгалын хөшөө зэргийг дан ганц шил гэлтгүй өөр бусад төрлийн хаягдал ашиглан хийжээ. Гэсэн хэдий ч борлуулалт тааруу байгаа гэнэ. Иймээс Л.Батжаргал шинэ технологи судлахаар өнгөрсөн жил Японд очжээ. Тэнд хаягдал шилийг боловсруулаад замын бордиур, асфальт доогуур дэвсдэг чийг нэвтрүүлдэггүй хавтангаас гадна хөрсний чийгийг хэвийн түвшинд тогтоон барих тусгай нунтаг бодис хүртэл гаргаж авах технологийг судлаад иржээ. Үүнийг эх орондоо нэвтрүүлэх гэтэл гурван сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлага­тай байгааг тэрээр учирлав. Тэрээр “Хятад, Орост ч нэвтрээгүй тус технологийг эх орондоо оруулаад ирэх юм бол газар тариалангийн салбарт асар дөхөмтэй. Хаягдал шил болон бусад материал ашиглан дээрх нунтаг бодисыг гаргаж авах юм. Ингээд тариалангийн талбайд цацсан тохиолдолд үер болоход тариа урсахгүй, ган болоход хуурайшиж үхжихгүй. Өөрөөр хэлбэл их хэмжээний бороо орвол энэ бодис усыг өөртөө шингээнэ. Хурц нар гарсан үед өөртөө шингээсэн чийгээ газарт унагана. Хэрэв энэ технологи үнэхээр үр ашигтай нь батлагдвал төрөөс уг төслийн санхүүжилтийн хөрөнгийн 70 хувийг буцаан олгоно гэсэн. Түүнээс биш шууд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гээгүй. Ингээд л эргэлтийн хөрөнгөгүй гацчихаад байна. Ашиглаагүй тоног төхөөрөмж, хэрэглээгүй 100 мянга гаруй түүхий эд л хашаанд хэвтэж байна” гэсэн юм. Харин Нитоү Ёшихидэ “Монголд төр, худалдан авагч, үйлдвэрлэгч гэсэн гурвалсан холбоог сайжруулахын тулд дахин боловсруулсан бүтээгдэхүүн чанаргүй гэсэн нийтлэг сөрөг ойлголтыг хог хаягдлыг дахин боловсруулж, эх дэлхийгээ цэвэрлэж байгаа гэх эерэг болгож өөрчлөх хэрэгтэй. Мэдээж чанарын хувьд сайн гэдгийг ойлгуулах ёстой. Манай компанийн зүгээс гурван сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулах тал дээр судалъя” гэсэн юм. Түүнчлэн “Цогц шийдэл” компани Японы үйлдвэрийн хог хаягдал цэвэрлэгээний компанид өөрийн ажилчдаа дадлагажуулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хоёр тал хэдэн хүнийг, хэр удаан хугацаанд сургахаа тодорхой болгосны дараа эргэн холбоо барихаар болов.

“Мөнх тулга” компанийн захирал Л.Жаргал газар тариалангийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Ийда Юпитер” компанийн ерөнхий захирал Ийда Рёоичирогоос зөвлөгөө авсан юм. “Мөнх тулга” бол уул уурхайн нөхөн сэргээлт, үрсэлгээний компани бөгөөд Японы тоног төхөөрөмж чанартай гэх үүднээс тус уулзалтыг зорин иржээ. “Ийда Юпитер” компанийн ерөнхий захирал Ийда Рёоичиро “Манайх газар тариалангийн техник, технологиороо улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Бүтээгдэхүүн маань хэтэрхий үнэтэй биш ч гэсэн өндөр чанартай. Хоёр орны хоорондын худалдааны гэрээ ёсоор татвараас чөлөөлөгдөх учраас харьцангуй хямд үнээр та бүхний гар дээр очно” хэмээн тайлбарлав. Л.Жаргал ч хэлсэн бүгдийг нь хичээнгүйлэн тэмдэглэн авч байлаа.

ХХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд уул уурхайн салбар уналттай байгаа өнөө үед хөдөө аж ахуйн бизнесээ дэмжих нь чухал гэдгийг энэ үеэр онцлов. Тэрээр “Өнгөрсөн оны тавдугаар сард манай яам Японы Шизүока мужтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Үүний хүрээнд Японы хөдөө аж ахуйн салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Аж үйлдвэрийн яамтай хамтарч уг форумыг зохион байгуулж байна. Хоёр орны хувийн хэвшлийнхэн яамны оролцоогүйгээр үргэлжлүүлэн хамтарч ажиллах боломж үүгээр нээгдэж байгаа юм. Гагцхүү эрх зүйн талаар ийм зохицуулалт, төрөөс ийм дэмжлэг хэрэгтэй гэсэн санал тавибал бид шийдвэрлэхийн төлөө ажиллана. Шаардлагатай үед зарим хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх, захирамж гарган, тэднийгээ дэмжинэ. Өөрөөр хэлбэл дотооддоо хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг таатай болгох тал дээр голчлон анхаарч байгаа. Шизүока муж бол уур амьсгалын хувьд манайхтай төстэй учраас хөдөө аж ахуйн салбарт хамтарвал илүү үр дүнтэй гэсэн үг. Энэ салбарт хөрөнгө оруулж байсан арвин туршлагатай. Тэгээд ч Монгол, Японы хооронд чөлөөт худалдааны гэрээ хийгдсэн учраас ХАА-н бүтээгдэхүүн, техникийг харилцан татваргүй экспортолж, импортлохоор болсон. Энэ гэрээний хэрэгжил­тийг эрчимжүүлэх нь уг арга хэмжээний гол зорилго нь. Японоос хөрөнгө оруулалт татаад эргээд ганц Япон гэлтгүй гадаад зах зээл рүү гаргах боломжтой. Бидэнд түүхий эдээс гадна хөрөнгө оруулах таатай орчин бүрэлдсэн бол тэнд өндөр технологи, хөрөнгө байна. Энэ хоёрын төгс цогцлоос баялаг бүтээж, дотоодын хэрэгцээг хангахаас гадна экспортолж, гадаад валют олъё гэсэн хэтийн чиг шугамыг баримталж байна” хэмээв.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургийг Г.Лхагвадорж

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорь хоногт зам тээврийн ослоор 37 хүн нас барсан

Орон нутгийн замд зам тээврийн осол гарах нь эрс нэмэгдсэн байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэр­гэжилтэн ахлах дэслэгч Д.Төрбаттай ярилцлаа.

-Өнгөрсөн долдугаар сарын дунд үеэс хөдөө орон нутаг дахь зам тээврийн осол нэмэгдсэн гэх мэдээлэл гарсан байсан. Үүнээс яриагаа эхэлье?

-Долдугаар сарын 10-наас 31-ны хооронд Замын цагдаагийн газарт ослын шинжтэй 6100 гаруй дуудлага ирснээс 4400-гаад хэрэг дээр манай албан хаагчид ажиллалаа. Дээрх хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1500 гаруй жолоочийг саатуулж, учирч болох зам тээврийн ослоос урьдчилан сэргийлсэн. Урин дулааны улирал ирсэн учраас орон нутгийг зорих иргэд олширч, орон нутагт гарах зам тээврийн осол нэмэгдсэн. Тодруулбал орон нутгийн замд 25 ноцтой осол гарч, 37 хүн амь насаа алдсан. Ослын зонхилох шалтгаан нь хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Хөдөөд тавигдсан хатуу хучилттай автозамын зорчих хэсэг нарийн байдгаас гүйцэт түрүүлэх, бартаа саад тойрч гарахдаа хөвөө хэсгийн шороон замаар явах нь элбэг. Ийн тээврийн хэрэгслийн тэнхлэгүүд өөр өөр гадаргуу дээр явах үед хурдаа хасах, огцом тормозлох нь онхолдох гол шалтгаан болоод байна. Энгийнээр бол баруун урд болон хойд дугуй шороон зам дээр, зүүн урд болон хойд дугуй засмал зам дээр хурдтай явж байгаад тормозлоход хүндийн жин баруун урд төвлөрснөөр тэр чигт хазайж, улмаар онхолддог. Яагаад гэвэл шороон болон асфальт бетон хучилттай зам дээрх автомашины дугуйн барьцалтын коэффициент өөр. Үүнийг жолооч нар тэр бүр мэддэггүй. Дөрвөн хүний амийг авч одсон Хөвсгөлийн замд гарсан осол мөн л энэ шалтгааны улмаас гарсан. Ланд-200 маркийн автомашин хурд хэтрүүлэн гүйцэж түрүүлэх үедээ огцом тормоз гишгэсэн байгаа юм. Долдугаар сарын 19-ний 17 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг, Улаанбаатараас 123 дахь км-ийн замд “Мицүбиши эйртрек” маркийн машин онхолдож, хоёр хүн нас барж, хоёр хүн гэмтсэн. Долдугаар сарын 14-нд 08 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг буюу автовокзалын замд “ниссан санни” маркийн машин онхолдож зорчиж явсан 24 настай эрэгтэй нас барсан. Долдугаар сарын 15-нд 19 цаг 20 минутын орчимд Дархан-уул аймгийн Хонгор сум орчимд “ланд-200” маркийн автомашин онхолдож, хоёр хүн нас барсан нь бүгд дээрх шалтгааны улмаас гарсан.

-Хөвсгөл аймгийн чиглэл дэх хатуу хучилттай автозамд олон ноцтой осол гарсан байсан. Саяхан ашиглалтад орсон, эвдрэл гэмтэл, энхэл донхолгүй шинэ замд яагаад олон осол гараад байгаа юм бол?

-Долдугаар сарын 13-нд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хоёрдугаар багийн нутаг дахь Их сараалж хэмээх газар “тоёота королла” маркийн автомашин онхолдож хоёр хүн нас барж, гурван хүн бэртсэн. 17-нд Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоноос Мөрөнгийн чиглэлийн 10 дахь км-т “тоёота альфард” машин онхолдож, нэг хүн нас барж, нэг хүн гэмтсэн гэх зэрэг осол гарсан. Дээрх ослууд мөн л хурд хэтрүүлснээс үүдэлтэй. Тээврийн хэрэгслийн хурд хүч, ая тух эрс сайжирсан өнөө үед дийлэнх жолооч нар хотоос гараад давхих ёстой юм байна гэсэн ташаа ойлголттой байдаг. “Ланд Крузер-200” машин жолоодож яваа бол тогтворжилт сайтай учраас онхолдохгүй юм шиг эндүүрдэг. Угтаа бол орон нутгийн замд Улаанбаатар хот дотор тээврийн хэрэгсэл жолоодохоос илүү ур чадвар шаардагддаг. Мөн орон нутгийн замд 80 км-ээс дээш хурдалж болохгүй байтал жолооч нар хотоос гараад хурдны хязгааргүй мэт давхидаг. Зарим нь бүр хотоос гараад л хурдны зам мэт ташаа ойлгодог. Гэтэл хурдны зам гэдэг чинь шал өөр юм байхгүй юу. Зөвхөн нэг чигийн хөдөлгөөний өргөн 17 метр, гурваас дөрвөн эгнээтэй. Ингэхээр замын зорчих хэсгийн нийт өргөн хамгийн багадаа 34 метр гэсэн үг. Ийм зам Улаанбаатарт бүү хэл Монгол Улсын хэмжээнд байхгүй. Харин Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр Алтанбулагийн боомтоос Замын-Үүд хооронд Улаанбаатарыг дайруулан хурдны зам тавихаар яригдаж байгаа.

Орон нутгийн замд дан ганц автомашин гэлтгүй Хятадад үйлдвэрлэсэн мотоциклиос унаж олон ч идэр залуус амиа алдсаар байгаа нь харамсалтай. Өнгөрсөн сард хэд хэдэн ийм төрлийн осол гарсан.

-Тухайлбал?

-Долдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Хонгорын дэрс гэдэг газарт хятадад үйлдвэрлэсэн мотоцикль унаж явсан 36 настай эрэгтэй Э онхолдож, нас барсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойш 22 км-т улсын дугааргүй, мөн л хятадад үйлдвэрлэсэн мотоцикль унаж яваад онхолдож, амиа алдсан. Мөн энэ сарын 2-нд шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт хэн болох нь тодорхойгүй нэгэн иргэн улсын дугааргүй, марк нь тодорхойгүй мотоцикль унаж яваад, осолдож амь насаа алдсан.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс халаасны онооны системийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой 20 гаруй хууль эрхзүйн баримт бичиг шинэчлэгдэж байгаа. Мөн жолооч нарыг зөрчил гаргасан тохиолдолд торгох, машиныг нь журамлах, эрхийг нь хасахаас өөр хариуцлагын шинэ тогтолцоо буюу “Халаасны оноо” гэсэн үнэлгээний системийг нэвтрүүлэхээр судалж байна. Өөрөөр хэлбэл жолооч бүр үзлэг оношилгоондоо хамрагдаж, өөрийн 100 оноогоо баталгаажуулна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан тохиолдолд оноо хасагдана. Ингэсээр оноо нь нэг жилийн дотор дуусвал жолоодох эрх тань шууд хасагдана гэсэн үг. Хэн ч гэсэн олон дахин зөрчил гаргаж, халаасны оноогоо дуусгахыг бодохгүй учраас жолооны ард суухдаа торгуулаад өнгөрөх юм чинь яахав гэж бус олон дахин зөрчил гаргавал эрхээ ч хасуулж магадгүй гэсэн нэг талаас айдас, нөгөө талаас хариуцлагатай болно гэсэн үг. Өнөөдөр бол зөвшөөрөлгүй газар хэдэн удаа ч машинаа байршуулсан бай, торгуулиа төлөөд журмын хашаанаас авчихдаг. Харин Япон, Солонгос зэрэг оронд ашигладаг дээрх үнэлгээний системийг хэрэглээд эхэлбэл тухай бүрт 20 оноо хасагдлаа гэж үзвэл таван удаа машинаа ачуулаад л үнэмлэхээ хураалгана. Энэ бол жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх маш үр дүнтэй арга.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн аварга М.Гонгор

Эх оронд
маань анх удаа зохиогдож буй нисэх загварын чөлөөт нислэгийн Дэлхийн аварга
шалгаруулах тэмцээнд Монголын тамирчин
М.Гонгор аваргалжээ. F1B буюу резинэн хөдөлгүүрт төрөлд Япон, Өмнөд болон Хойд
Солонгос, Хятад, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 30 гаруй орны
тамирчид өрсөлдсөнөөс долоон нислэгийн нийлбэр дүнгээр тэрбээр тэргүүлж,
дэлхийн аварга хэмээх цолыг хүртлээ. Харин хоёр, гуравдугаар байрт Украйны тамирчин
Стефанчик Стефан, Кулаковски Олег нар шалгарчээ.

М.Гонгор
1968 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд өдгөө 47 настай хэдий ч залуустай мөр
зэрэгцэн нисэх загварын онгоц зохион бүтээж, дэлхийн чансаатай тэмцээнд ийн
амжилт гаргажээ. Тэрээр 13 дугаар бүрэн дунд сургуулийн бага ангийн сурагч
байхаасаа л тухайн үеийн Залуу техникчдийн ордонд хичээллэдэг байж. Харамсалтай
нь 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны нийгэм эдийн засгийн шилжилтийн үед ихэнх
дугуйлан, ордон үүдээ барьсан агаад тэдгээрийн тоонд Залуу техникчдийн ордон ч
мөн багтжээ. Энэ нь хийж бүтээх ирмүүн хүсэл зорилготой, зохион бүтээх
авьяастай түүнд хүндхэн цохилт болсон гэдэг. Гэсэн хэдий ч тэрээр хэсэг нөхдийн
хамт 1996 онд Монголын нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулжээ. М.Гонгор
“Хүүхэд ахуй цагаасаа энэ спортоор чин сэтгэлээсээ хорхойсон хичээллэж байсан
учраас дугуйлан татан буугдлаа гээд энэ спортоо орхиогүй. Нисэх загвараа хэсэг
хугацаанд гэртээ хийсэн. Ганцаараа учраас тэр бүр шинэ санаа орж ирэхгүйгээс
гадна бусад зохион бүтээгчидтэй харьцуулахад өөрийгөө ямархуу түвшинд явааг
мэдэхээ больдог. Тиймээс Б.Амарсайхан тэргүүтэй найзуудтайгаа нийлээд Монголын
нисэх загварын спортын нийгэмлэгийг байгуулсан. Нийгэмлэгийн зүгээс идэвх
санаачлагатай ажилласны үр дүнд 2006 оноос улс, бүсийн аваргаас гадна “Монголын
цом”, “Түвшингийн дурсгалын цом” зэрэг тэмцээнийг давхар зохиох болсон. Эдгээр
тэмцээнүүд 2011 оноос дэлхийн цомын тэмцээний ангилалтай болсон. Бас 2012 онд
чөлөөт нислэгийн Азийн аварга, 2014 онд Ази Номхон далайн бүсийн орны аварга
шалгаруулах тэмцээнийг Монголдоо тус тус амжилттай зохиолоо. Харин энэ жил
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо хийж, дуусах шатандаа орлоо.
Хоёр жил тутам зохиогддог энэхүү тэмцээнийг энэ онд Монголд хийх эрхийн төлөө
Итали, Серби гэсэн улстай өрсөлдсөн. Эдгээр орнууд бол Европ тивтэй ойр, замын
зардал бага, аялал жуулчлал хөгжсөн. Гэсэн хэдий ч манай тамирчдын өсөн
нэмэгдэж буй ур чадвараас гадна Монгол дахь салбар нийгэмлэгийн өнгөрсөн
хугацаанд хийсэн нөр их хөдөлмөр, хүчин чармайлт зэргийг үндэслэн Дэлхийн
агаарын спортын холбоо манайхыг сонгосон болов уу.

Дэлхийн
аваргын тэмцээнд 2007 оноос манай тамирчид оролцож эхэлсэн. 2009 онд Хорват
Улсад болсон дэлхийн аваргын тэмцээнд багаараа орж, амжилтаараа 42 орноос 16
дугаарт эрэмбэлэгдсэн. 2011 оны Аргентиний тэмцээнээс манай тамирчин н.Батзориг
хувийн амжилтаараа дөрөвдүгээрт шалгарсан. 2013 онд Францын тэмцээний резинэн
хөдөлгүүрт загварын уралдаанд багаараа мөн дөрөвдүгээр байрт орсон. Харин энэ
жил буюу Монголд нисэх загварын спорт үүссэний 50 жилийн ойгоор би эх нутагтаа
дэлхийн аварга боллоо. Энэ бол ганц би гэлтгүй Монголын нийт тамирчдын ур
чадвар, амжилт тасралтгүй өсөн нэмэгдсээр байгаагийн илрэл” гэсэн юм.

Дэлхийн
агаарын спортын дүрмийн дагуу резинэн хөдөлгүүрт төрөлд оролцох онгоцыг 200
граммаас багагүй жинтэй, 19 дм-ээс ихгүй хэмжээтэй байхаар зохион бүтээх ёстой
аж. Энэ шаардлагын дагуу тэрээр Бразилд ургадаг бальза хэмээх хөнгөн хэрнээ бат
бөх мод, карбон зэрэг материалаар онгоцоо хийжээ. Онгоцыг агаарт хөөргөсний
дараа удирддаггүй онцлогтой учраас тамирчид салхины хурд, чиг, газрын тогтоц
зэргийг сайтар тооцоолж, онгоцоо хөөргөдөг байна. Ийнхүү тус төрөлд 30 гаруй
орны тамирчид хүч үзсэнээс финалын шатанд 14 нь үлджээ. Эхний удаад дөрвөн
минут, дараагийн зургаан удаад тус бүр гурван минутаар нислэг хийлгэж чадсан нь
финалд шалгарсан байна. Финалд үлдсэн тамирчид онгоцоо таван минутаар нисгэжээ.
Цөөн хэдэн зохион бүтээгч энэ босгыг давсан агаад тэдгээрээс ганцхан М.Гонгор
дараагийн шат буюу долоон минутын чөлөөт нислэгийг хийж чадсанаар дэлхийн
аварга болжээ.

М.Ууган-Эрдэнэ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонсголонгийн замыг хугацаанд нь буюу аравдугаар сарын сүүлээр бүрэн дуусгана гэв

Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах “Гудамж” төслийн хүрээнд Сонсголонгийн автозамыг өргөтгөн шинэчлэхээр болсон билээ. Ийнхүү Буянт-Ухаа спорт цогцолборын зүүн хойд аюулгүйн тойргоос Моносын уулзвар хүртэлх 5.4 км хүнд даацын автозам барих ажил өнгөрсөн онд эхэлсэн юм. Зам барилгын ажлын явц ямархуу байгааг сурвалжлахаар тийш хөдөллөө. Наадмын өмнөхөн Сонсголонгийн автозамын нэг урсгалыг нээчихсэн. Тус хоёр эгнээ бүхий замаар Моносын уулзвар, Нисэхийн аюулгүйн тойрог хооронд жолооч нар саадгүй зорчиж байгаа харагдав. Сонсголонгийн оршин суугчид “Нэг урсгалыг нь ч гэсэн хугацаанаас нь өмнө түр нээчихсэн болохоор шороо тоос босохгүй аятайхан байгаа. Өмнө нь бол эргэн тойрон бөөн цагаан тоос, шороо босоод, амьдрах аргагүй байдаг байлаа” гэцгээн сэтгэл хангалуун байлаа. Тэдний зарим нь хашаа байшингаа зарах гэж байгаад, шороо тоос босохоо больсон учраас больжээ. Моносын уулзвараас Сонсголон чиглэлийн 2.5 км замыг “Бадрах Ойл” компани тавьж байгаа бол үргэлжлүүлэн “Арц суварга” ХХК 2.64 км-ийг барьж, төлөвлөгөө ёсоор ирэх аравдугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэж өгөх ёстой. Биднийг очих үед бороотой байсан учраас замын бетон цутгалт хийгдээгүй байсан юм.

“Арц Суварга” компанийн хариуцсан талбай дээр очтол, Сонсголонгийн гүүрний ардхан талын шинээр цутгасан замынхаа борооны ус зайлуулах шугамын нүхийг экскаватороор ухаж байлаа. Мөн шинээр цутгасан замын хагаралтаас сэргийлэхээр токарийн зүсэлтийг хийж байв.

Энэхүү таван км га­руй үргэлжлэх хоёр урсгалт, дөрвөн эгнээ Сонсголонгийн хүнд даацын автозам нь 24 метрийн өргөнтэй. Дөрвөн эгнээ зорчих хэсгийн өргөн нь, нэг метрийн тусгаарлах зурвасын хамтаар 17 метр бөгөөд хоёр хөвөөгөөрөө тус бүр 1.5 метрийн явган хүн, нэг метрийн дугуйн замтай байхаар зураг төсвийг нь баталжээ. Олон хоногоор бороо орж байгаа нь төлөвлөгөөт ажлаас хойш татаж байгааг “Арц суварга” компанийн талбайн инженер Б.Болдхуяг хэлсэн юм. Тэрээр “Зам барилгын ажил эхлэхээс өмнө газар чөлөөлөлт, газар доогуурх шугам хоолойг зайлуулах зэрэг асуудлаас болоод ажил маань хугацаандаа эх­лээгүйг та бүхэн мэдэж байгаа биз. Гэтэл наад­мын дараахнаас олон хоно­гоор бороо үргэлжлэн орж, автозамын цут­галт хийхэд хүндрэл үүс­гэчихлээ. Дээр нь энэ зам бол 24 см-ийн зузаан, даацынх гэх утгаараа холбогдох стандартыг сайтар барих шаардлагатай. Дээрх шалтгаан, нөхцлүүдээс болоод өнөөдрийн (өчигдөр) байдлаар бид­ний ажил төлөвлөгөөт хугацаанаас 10 гаруй хоногоор хоцорч явна. Гэсэн ч хугацаандаа буюу ирэх аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр өөрсдийн бүхий л бололцоо, нөхцлийг дайчлан ажиллаж байна. Өдөр бороо орсон бол шөнө нь нөхөж, өнөөдөр бороонд хашигдан ажил­даа гараагүй бол маргааш нь ажил­лаж бай­на. Бороо орсноор замын бетон хучилт хийх хугацаа оройтохоос гадна тэгшилж индүүдээд явган болон дугуйн зам тавихад бэлэн болчихсон суурь урсаж, эвдэрдэг. Тус хө­вөөг дахин сийрүүлэн хатааж, бас индүүдэж тэгшилнэ” гэсэн юм. “Арц су­варга” компанийн ажил­чид автозамаа бүрэн цут­гаж дуусгачихаад дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийнхээ ажилд орох гэнэ. Тэдний тавьж буй дөрвөн эгнээ зам Сонсголонгийн гүүрийг дайрах хэдий ч тус гүүрийг өр­гөтгөн шинэчлэхгүй аж. Энэ тухайд инже­нер Б.Болдхуяг “Сонс­голонгийн гүүрний шинэч­лэлт бидний төлөвлөгөөт ажилд ороогүй. Жолооч нар дөрвөн эгнээ, шинэ замаар давхиж явснаа хоёрхон эгнээтэй хуучин гүүрээр гарах болчихоод байгааг Засаг дарга ан­хааралдаа авсан. Ирэх оны төсөвт хө­рөн­гийг нь суулгаж, Сонс­голонгийн гүүрийг өргөтгөн шинэчлэх тал дээр анхаарна гэдгээ мэдэгдсэн” гэв.

Тэдний цаахна талд байрлах “Бадрах Ойл” компанийн ажилчдын бай­ран дээр очлоо. Ма­шин техникүүд нь ажлын талбар дээр бус байрных нь гадаа зогсож байгаа харагдлаа. Бороо улам ч ширүүссэн учраас ажил­чид түр амсхийхээр ийн байрандаа цугларчээ. Бүгд л тэнгэрийн хаяа ширтэж “Ямар ч хаяа алга. Өдөржингөө зүсэрч орох янзтай. Ирэх наймдугаар сард бас ихэнх нутгаар бороотой гэсэн үг үү. Ажил хийлгэхгүй юм бай­на л даа” гэцгээж байв. Тус компани дөрвөн эг­нээ 2.5 км автозамыг борооны ус зайлуулах суваг, явган болон унадаг дугуйн зам, гэрэлтүүлэг, автобусны буудлын хамт мөн ирэх аравдугаар са­рын 30-нд барьж дуус­гах ёстой. Биднийг очих үед 16 метрийн өр­­гөнтэй автозамын зор­чих хэсгийн бетон хучилт 60 хувьтай явж байгаа гэдгийг “Бадрах Ойл” компанийн ахлах инженер А.Батболд дуул­га­сан юм. “Наадмаас өм­нө найман метрийн өргөнтэй нэг урсгалаа бүрэн ашиглалтад оруул­чихсан. Одоо эсрэг урс­галынх нь замын бетон цутгалтын ажил эхэлчихсэн. Өнөөдөр (өчигдөр) бороо орсны улмаас ажил бүрэн зогс­чихоод байна. Энэ мэт цаг агаар муудсанаас шалт­гаалаад замын ажил бага зэрэг удааширч байгаа ч хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгнө. Өнөөдөр л гэхэд бид 300 метр замд бетон цутгалт хийх гээд хоёр хоног саатлаа. Энэ зам бол 24 см-ийн зузаантай, даацын зам учраас өндөр мар­кийн бетоноор хийж байгаа. Тиймээс алдсан хугацаагаа нөхөх гэж яарч болохгүй. Яг л норм, дүрэм журмаар нь хийнэ. Тэр бүү хэл өндөр маркийн буюу хөлдөлт гэсэлтэд тэсвэртэй бетоноор гадаа нартай халуун байна гээд хамаа замбараагүй зам тавьж болохгүй. 28 градусаас доош халуунд үүгээр зам тавьбал илүү тохи­ромж­той. 800 орчим метр газар це­ментээр бэхжүүлсэн суурь хийгээд, газар шорооны ажил дуусна. Санхүүжилт хугацаандаа олгогдож байгаа нь бас ажлаа хэвийн үргэл­жүү­лэх боломжоор хангаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх” хэмээн өгүүлэв.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Бөхийн холбоогоор овоглосон Д.Данзан гавьяатынх

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзангийнд өнжихөөр Жигжидийн зусланг зорилоо. Жигжидийн автобусны эцсийн буудал дээр ирээд утсаар холбогдтол тэрээр “Эндээс охиноо унаатай нь явууллаа. Түр хүлээж байгаарай” гэв. Төд удалгүй Д.Данзан гуайн охин Д.Дэлгэрмаа ирж, биднийг авч явлаа. Нэг буудал хэртэй газар яваад, өтгөн ой мод бүхий уулын өвөр дэх, зуслан дээр нь ирлээ. Амралтын өдөр байсан учраас хүүхдүүд нь гэр бүлээрээ ирсэн харагдав. Зээ нар нь бага сургууль, цэцэрлэгийн ахлах бүлэгт сурдаг болов уу гэмээр балчир хэдий ч ширээний теннисээр тун чиг гарамгай тоглоно. Бага охин Д.Гэрэлмаа байшингийнхаа хажуухан дахь гүний худгаас хувингаар ус хутгаж, хашааны гадаа байгаа машинаа нөхөртэйгөө угааж байв.

Машиныхаа дээврийг багагүй зүлгэж зогссон тэд “Байрны хөгшчүүл цайныхаа дээжийг балкон дээрээсээ өргөөд, доор нь зогсоолд байршуулсан машиныг цагаан алаг болгочих юм. Уг нь гэрээсээ гараад, тэнгэр бурхандаа залбираад өргөвөл зүйд нийцэх юм шиг санагдана. Машин дээр асгарсан цайны дээж, сүү нь арилахгүй юм. Хэд хоногоос машинаа дахин будуулахаас” гэцгээн өөр хоорондоо ярилцаж байлаа.

Биднийг гэрт нь орох үед Д.Данзан гуай “Амралтын энэ өдрүүдэд миний бие Халхын анхдугаар Богд Өндөр гэгээнийхээ ойг үзээд тун чиг сэтгэл хангалуун байна даа. Өндөр гэгээн Занабазарыг Монголын түүхэнд тодорсон дөрвөн аугаа их хүний нэг гэдэг. Үндсэндээ Чингис хаан, Хубилай хаан, Богд Зонхов, Өндөр гэгээн энэ дөрвийг дэлхийн нэртэй эрдэмтэд нэрлэсэн байдаг. Өмнө нь Өндөр гэгээний ойг ингэж ёс төртэй, гол нь Өндөр гэгээн Занабазар хэн бэ гэдгийг олон түмэнд тодотгож өгөх талаар багагүй учир дутагдалтай байсан санагдана. Энэ удаа Монголын төр нь ч, Шинжлэх ухааны академи нь ч Өндөр гэгээнээ байранд нь тавьж өглөө” гэв. Гэрийн эзэн “Зочдодоо цай аягалж өг” гэснээ “Өө нээрээ, саяхан хөдөөнөөс айраг ирсэн шүү дээ. Тэрнээсээ аягалж өг” гэв. Ийнхүү биднийг эхнэрийнх нь төрсөн нутаг болох Архангайн Хотонт сумаас ирсэн чимчгэнэ­сэн сайхан айргаар дайлав. Азарганууд барианд орох үеэр ханын цаг руугаа байн байн харж “Энэ уралдаан 22 км-ийн зайнд болсон. Энэ зайг монгол хурдан хүлгүүд хэр хугацаанд туулж байгааг мэдэх гэсэн юм. Түрүү морь энэ зайг 35 минутанд тууллаа. Энэ мэтчилэн хурдан морьдыг барианд ороход нь уралдааны замаа хэдэн минут секун­дэд туулсан гэдгийг давхар зарлавал зүйтэй санагд­даг. Ингэснээр хурдан морины амжилт үнэмлэхүй баталгаажиж байгаа хэрэг. Бидэнд тэр нь чухал биш юм аа гэхэд жуулчдад энэ төрлийн мэдээлэл нэн хэрэгтэй. Уяачид ч өөрсдийн амжилтаа ахиулахын тулд хичээнэ. Ер нь дан ганц хурдан морины уралдаан гэлтгүй эрийн гурван наадам бол жуулчдыг татах гол арга хэмжээ болсоор удаж байна. Зарим хүмүүс эрийн гурван наадмыг тэр дундаа үндэсний бөхийг олон улсын чанартай болгож, хөгжүүлэхийг санал болгодог. Би үүний эсрэг байр суурьтай байдаг. Яагаад гэвэл үндэсний спорт бол үндэснийх л байх ёстой. Өөрийн гэсэн зүйл­сээ гоочлоод, бүдүү­лэг хоцрогдмол гээд бусдыг дуурайгаад байвал нэг л мэдэ­хэд өөрийн гэсэн зүйл­гүй болчихдог. Олон улсын тэмцээн болгож, шаардлагад нийцүүлэхийн тулд үндэсний өв соёл нь хаягддаг жамтай. Наад зах нь япончууд жүдо бөхөө дэлхий нийтийнх бол­гохын тулд асар их хөрөнгө гаргаж 200 гаруй оронд хувцас хэрэглэл, татами буюу дэвжээгээ байгуулахын сацуу сурах бичиг, мэргэжилтэн багшаар хангаж ажилласан. Ингэж дэлхийд зургадугаарт ордог бөхийн спорт болж хөгжих явцдаа эсрэг дэв­жээ­ний бөх нь цэнхэр өмсгөл­тэй барилддаг болчихсон. Уламжлал ёсоор бол өрсөл­дөгч бөхчүүд хоёул цагаан өмсгөлтэй байх ёстой. Үүнд япончууд хичнээн дургүй байсан ч олон улсынх бол­гохын тулд арга буюу зөвшөөрсөн. Эртнээс жүдо­гийн тамирчид хоёул цагаан өмсгөлтэй байсаар ирсэн нь энгийн мэт боловч нарийндаа бол Японы соёл, өв уламжлалтай нягт холбоотой гэдэг нь ойлгомжтой” гэв. Мөн тэрээр “Дэлхийн бусад бөхийн спортын төрлөөс өмсгөл зүүсгэл, ёс заншил, барилдааны тэсвэр тэвчээр зэргээр үндэсний бөх манлай, төгөлдөр нь” хэмээн давтан хэлсэн юм.

Данзан доктор усан луу жил буюу 1952 онд Засагт хан аймгийн Сүрэн гүний хошуу буюу одоогийн Ховд аймгийн Дарви суманд, хоньчин Довдон­гийн ууган хүүхэд болон мэндэлжээ. 1966 онд буюу түүнийг 14 настай байхад ээж нь отгон дүүг нь төрүүлээд бурхан болсны дараахан сумын төвөө барааджээ. “Ээж минь 32 настайдаа отгон дүүг минь төрүүлээд, өвчний улмаас нас барчихсан. Ингээд л аавыгаа дагаад, зургаан дүүтэйгээ сумын төв орсон. Хамгийн бага нь дөнгөж төрсөн өлгийтэй нярай байсан гэсэн үг шүү дээ. Сумын төвийн хүүхдүүдийн нэгэн адилаар усаа зөөнө, түлээгээ бэлтгэнэ. Том нь учраас дүү нараа харж, хандана. Ингээд л 1972 онд аравдугаар ангиа төгсөөд Монгол Улсын их сургуулийн физикийн ангийн оюутан болох үед бид гэр бүлээрээ нүүж ирсэн. Сургуулиа 1977 онд төгсөнгүүтээ төрөлх сургуульдаа үргэлжлүүлэн багшлах болсон. Тухайн жил Монгол Улсын их сургуулийн захиргаа төгсөгч нараасаа сурлага сайтай 20-иод залуусыг багшаар авч үлдсэн юм. Тэдэн дотор надаас гадна Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж багтсан. Ингээд 1993 он хүртэл бид хоёр их сургуульдаа багшилж байгаад үндэсний бөхийн холбоог байгуулж, тэргүүн, дэд тэргүүнээр нь ажиллах болсон” хэмээн өгүү­лэв. Дарви суманд хэзээнээс Олхонууд овгийнхон амьдарч ирсэн бөгөөд тус нутаг усанд төрсөндөө бахархдаг талаараа бидэнд хуучлав. “Мэргэдийн Чилэдү баатар Олхонууд овгоос Өүлэн хатныг аваад явж байхад нь Есүхэй баатар булаагаад авчихсан гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Олхонууд овгийнхон бол Өүлэн хатны хойч үр сад гэдэг нь ойлгомжтой. Манай суманд Монгол Улсын хэмжээний эрдэмтэн, улсын аварга малчин, гавьяатууд, баатрууд, ардын хувьсгалын партизан, улсын цолтой бөх, уяач зэрэг алдар цолтой 200 гаруй хүмүүс бий. Алдарт хоньчин баатар С.Цогтгэрэл, “Жалам хар”-ыг бичсэн хөгжмийн зохиолч Э.Чойдог, малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр дорвитой ажил хийсэн мал зүйч Ч.Дамдиндорж зэрэг гурван ч төрийн шагналтантай. Олимпийн анхны медальт, самбо бөхийн дэлхийн аварга Н.Бүрэнзэвсэг тэргүүтэй таван ч улсын цолтой бөхтэй. Дээрээс нь гурван академич, 20 гаруй шинжлэх ухааны доктор, 80 гаруй боловсролын доктортой. Ийм олон алдарт­нуудтай сум Дарвиас өөр байхгүй. Тэр ч утгаараа зарим хүмүүс манай сумынхныг “Мон­голын еврейчүүд” ч гэх нь бий” хэмээн сэтгэл хангалуун өгүүллээ.

Биднийг ийн хууч хөөрөх зуур зээ нар нь хэд хэдэн удаа түүний өвөр рүү мацан гарч, үнсүүлчихээд өрөө рүүгээ гүйчихнэ. Тэгснээ зээ хүү нь өөрийн тоглоомыг барьж ирээд, “Өвөө тоглоё л доо” гэвэл зээ охин нь “Хоёулаа гадаа тоглоё” гээд гарнаас нь гулдарна. Д.Данзан огтхон ч төвөгшөөсөн янзгүй “Тэгнэ ээ. Өвөө нь удахгүй завтай болчихоороо тоглоно оо. Харин миний хүүхдүүд гараад тоглож бай” гэвэл тэд уриалгахнаар “За” гэчихээд гараад өгөв. Хашаан дотроо тоглох зээ нараа цонхоороо хэсэг харж зогссоноо “Өөрснөө зусланд амрахаасаа илүү эд нарыгаа цэвэр агаарт цэцэг ногоон дээр тоглуулах гэсэн хэрэг. Бямба, ням гаригуудад эдэнтэйгээ хамт инээж хөхөрч, тоглож наадан өнгөрүүлэхэд жинхэнэ утгаараа амралт болж байгаа юм даа” хэмээв.

Зочны өрөөний хананд Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяраас Соёлын гавьяатын цол тэмдгээ авч байх үеийнхээ зургаа өлгөжээ. Хажууханд нь гэргий­тэй­гээ татуулсан зургаас гадна хэд хэдэн сумын засаг ноёдын дурсгасан байгалийн үзэсгэлэнт газруудын зураг харагдав. Зочны өрөө­­нийхөө нэг буланд гал тогоо­гоо байрлуулжээ. Хотын төвийн айл шиг крант онгойлгоод л цэвэр усаа авч байгаа харагдсан, зуслангийн байрандаа боловсон жорлон хүртэл суурилуулсан байна. Байрандаа зочны өрөөнөөс гадна дахин хоёр ч том гэгчийн өрөө гаргажээ. Зуны амрал­таараа зээ нар нь амарч, өөрсдөө амрал­тын хоёр өдрөөр ирж амьдар­даг учраас эдгээр өрөөнүүдэд хувцасны шүүгээ, толь, сандал зэргээс өөр зүйлс харагдсангүй. Тэрээр эхнэртэйгээ 1977 онд гэрлэж, 40-өөд жил амьдрахдаа гурван охинтой болжээ. Харин өнөөдөр охид нь бүгд хүнтэй сууж, таван зээтэй болжээ.

Түүнээс үндэсний бөхтэй амьдралаа холбосон талаар нь асуутал “Бөхийн амьдралыг мэдэхийн хувьд 1990 онд ардчилсан хувьсгал ялсны дараа нам дагалгүй, наймаа худалдаа хийх гэж оролдолгүй шуудхан л үндэсний бөх хэмээх өв соёлыг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж эхэлсэн. Тухайн үед бөхчүүд өөрсдийн ажлаа хийж яваад наадам, цагаан сарын барилдаанд оролцдог байсан. Тэд маань ихэвчлэн хар бор ажил хийдэг байсан даа. Үндэсний бөх, жүдо, чөлөөт, самбо зэрэг бөхийн хамтарсан орон тооны бус удирдлагатай, бөхийн холбоо нэр төдий байгууллага байсан. Яагаад нэр төдий гээд байна гэхээр энэ холбоо самбо, чөлөөт, жүдо бөхийн төрлөөр тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын бэлтгэлд голчлон анхаарахаас бус үндэсний бөхийг ойшоодоггүй байсан. Шагнал урамшуулал нь ч багаас гадна бөхчүүд бэртэж гэмтэх тохиолдол элбэг. Дархан аваргыг одон­гоор ч шагнахгүй хэрнээ бөхийн бусад төрлөөр тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон бөхийг одон медалиар харамгүй шагнана. Үндэсний бөхийн спортоор дархан аварга үүнээс яав ч дутахгүй гавьяатай, уг нь. Дээр нь социалист нийгмийн үед үндэсний бөхийн барилдаанаас олсон орлогыг Спортын төв ордон хураан авч, багахан хэсгийг түрүү үзүүр бөхөд өгчихөөд өөрийн санхүүжилтдээ зарцуулдаг байсан. Зүй нь бол үндэсний бөхөөр олсон учраас энэ спортыг хөгжүүлэхийн төлөө зарцуулах ёстойсон. Энэ бүхнийг би дэндүү ойроос харж, мэдэрч байсан хүний хувьд “Спортын мэдээ” сонинд долоо найман ч нийтлэл бичсэн. Үндэсний бөхийн спортыг шинэчлэх өөрийн санал санаачилгыг хэрэгжүүлж, ажил хэрэг бол­гох үүднээс өөрийн бич­сэн “Бөхийн хөдөлмөр” хэмээх нийтлэлээ бариад Ардын их хурлын нарийн бичгийн дарга Ц.Готовтой уулзсан юм. Ингэж 1989 онд анх­лан бөхийн асуудлаа шийдүүлэхийн төлөө төрийн ордон руугаа орж байлаа. Бөхийн холбооны дарга Ж.Гүррагчаатай давхар уулзан, бөхчүүдийн эрүүл мэнд хөдөл­мөрийн аюулгүй байдлыг анхаарахаас өгсүүлээд бай шагналыг дээшлүүлье, улсын наадамд зодоглоход албан байгууллагаас нь цалинтай чөлөө өгье гэсэн санаагаа алд хэмжээтэй цаасан дээр бичээд өгчих­сөн. Ингээд төрийн удирдлага, бөхийн холбооны дарга хоёрт хэлчихсэн юм чинь асуудлууд нэг мөр шийдэгдэх болов уу гэсэн чинь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Тиймээс зайлшгүй өөрийн хувь нэмрээ оруулах шаардлагатай болсон гэх үү дээ. Ер нь ямарваа нэгэн ажлыг санаачилж, сэдсэн хүн л өөрөө түүнийгээ хэрэгжүүлэхгүй бол өрөөл бусдад ингэмээр байна гэж хэлэхээр амны гарз болдог шиг байгаа юм. Үүнтэй зэрэгцэн Улсын заан Р.Давааням төрсөн ах Р.Нямдоржтойгоо үндэсний бөхийн өв соёлыг хамгаалахын тулд дорвитой алхам хийх хэрэгтэй гэсэн зүйлсийг ярьж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан байгаа юм. Ингээд л 1990 оны дөрөв­дүгээр сард Үндэсний бөхийн холбоогоо байгуулсан. Бөхийн холбоог байгуулсны дараахан буюу дөрөвдүгээр сарын 14-ний билэгт сайн өдөр Р.Давааням заан, Р.Нямдорж, Соёлын яамны дэд сайд асан, П.Даваасамбуу, улсын заан Д.Мягмар бид тав тус бүр 100 төгрөг гаргаж, холбооныхоо санг бүрдүүлж байлаа. Ингэж л тамга тэмдгээ хийлгүүлж, төд удалгүй холбооныхоо нэрэмжит барилдааныг зохион байгуулж байлаа. Өнгөрсөн хавар манай холбооны 25 жилийн ой тохиож, хоёр барим­тат кино, мөн төчнөөн ном гаргаж, 1024 бөхийн барилдаан зохион байгуулснаас гадна эрдэм шинжилгээний хурал хүртэл зохиосныг та бүхэн мэдэж байгаа байх. Бидэн шиг ойгоо өргөн дэл­гэр хийдэг байгууллага байх­гүй. Бид л анхлан 6000 бөхийн барилдааныг зохиож, Геннисийн номонд бичүүллээ. Үүнээс үлгэр авч морины холбоо хоёр жилийн дараа морины уралдаанаа Геннисийн номонд оруулсан” хэмээв.

Тэрээр Бөхийн өргөөний барилгын зургийг 1991 оны нэгдүгээр сард холбооны ерөнхийлөгч Р.Нямдоржтой гаргажээ. Тэд бөхийн өргөөтэй болъё хэмээн шийдээд, шуудхан харандаа цаас аваад зурж эхэлсэн гэдэг. Ийн өөрсдийн зурсан 2500 хүний суудалтай, дугариг хэлбэрийн өргөөний гар зургаа мэргэжлийн архитекторуудад өгч зуруулжээ. Ийнхүү зурган дээр бэлэн болсон үндэсний бөхийн өргөөгөө барих газраа тэр даруй хайж эхэлсэн ч багагүй хугацаа алджээ. Анхлан бөхийн өргөөг баруун дөрвөн замд байгуулахаар шийдэн, дүүргийн Засаг даргын тамгын газар хандсан гэнэ. Гэсэн ч өөр барилга байгууламж баригдахаар урьдчилаад төлөвлөчихсөн байсан учраас өөр газар хайжээ. Тус газарт хожмоо Голомт хотхон сүндэрлэжээ. Ийнхүү Их дэлгүүрийн баруун урд тал дахь замын эсрэг талын төв зам дагуух сул газрыг бөхийн өргөөний зориулалтаар ашиглая гэсэн боловч дүүргийн удирдлагууд зөвшөөрөөгүй байна. Энэ газарт өдгөө Улаанбаатар их дэлгүүр баригдсан байгаа юм. Үүний эцэст Хөдөлмөрийн яамны өмнөх, Баянзүрх дүүрэг дэх газрыг олж, зөвшөөрлийг нь авчээ. Газрын хэмжээ төлөвлөснөөс бага байсан учраас 58 орчим метрээр төлөвлөсөн өргөөний тойргийн уртыг хоёр гурван метрээр багасгажээ. Ийнхүү арван эгнээ бүхий найман хэсэг суудалтай, голдоо 34 метрийн диаметртэй дэвжээ бүхий бөхийн өргөөний шавыг 1992 онд тавьжээ. Д.Данзан “Улсын начин, заан цолтой бөхчүүдийг цуглуулаад бөхийн өргөө байгуулах гэж байгаа талаараа дуулгатал тэд нэг их ойшоодоггүй. Тэгэхээр нь бөхийн өргөө гэдэг таван ханатай гэрийн төдий байгууламж биш. Өндрөөрөө найман давхар барилгын дайтай гэдгийг би хэлтэл бөхчүүд дүнгэнэлдээд явчихсан. Дүвчин заан “Өө би тэр 120-д байдаг дугариг байшин шиг жижигхэн гэр юм байх гэж бодоод хаана нь бөх барилдаж, хаана нь үзэгчид суух юм бол гэж гайхаад л сууж байлаа гэсэн. Ингэж бөхчүүд ажлыг минь үнэн сэтгэлээсээ ойлгож эхэлсэн. Түүнээс биш өндөр нь 28 метр, диаметр нь 50 гаруй, дэвжээ нь 40-өөд метр гэхээр бууж өгөхгүй байсан хэрэг л дээ. 520 гаруй бөхийн хорхойтон, хүчит бөхчүүдийнхээ хан­диваар үндэсний бөхийн өргөө барилгын ажил таван жил гаруй үргэлжилсний эцэст 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд Монгол бөхийн өргөө нээлтээ хийсэн” гэсэн юм. Энэ их нөр ажлыг нугалсан учраас холбооны тэргүүн Р.Нямдорж болон Д.Данзан нарыг дөрвөн жил тутам болдог зөвлөлийн хурлаараа улираан сонгосоор байдагт эргэлзэх зүйл алга.

Түүнийг бөхийн холбооны дэд тэргүүн, шинжлэх ухааны доктороос гадна яруу найрагч гэдгийг нь тэр бүр мэддэггүй болов уу. Эл эрхэм найрагч Монголын ард түмний дунд хит болсон олон дууны шүлгийг бичсэн юм. Тухайлбал нэг ус нутаг буюу Ховдын Дарви Сутай хайрханы хүү, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнтэй “Түшээт ханы Намхай аварга”, Монгол Улсын гавьяат багш Лувсанцэрэнгийн Галмандах агсантай “Насны хайр”, “Гэртээ ирлээ”, Гомбын Эрдэнэчулуунтай “Монгол эрийн жавхаа” зэрэг дуунуудыг хамтран бүтээсэн байна. Данзан докторын гэргий Чимидын Оюунбилэг нь эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн ажээ. Тэрээр Монгол Улсын заан Гочоосүрэнгийн төрсөн дүү гэнэ. Намуухан яриа хөөрөөтэй намбалаг сайхан эмэгтэй нөхөр, ач зээ нарынхаа хамт биднийг гаргаж өгсөн юм.

М.Ууган-Эрдэнэ

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж