Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлд аз жаргалыг “тэврүүлдэг” эх нялхаст өнжсөн нь

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд уржигдар буюу нэгдүгээр сарын 2-ны 12 цагийн үед биднийг очиход он гарсаар 36 эх эсэн мэнд амаржиж, 18 хүү, 18 охин төрчихөөд байсан юм. Төрөх тасгийн үүдээр оруут хэдхэн хормын өмнө мэндэлсэн нярайн цовоо цолгиун дуу хадаж, сүүний үнэртэй хослон ер бусын таатай мэдрэмж төрүүлнэ. Хүйг нь таслахын зуурт ягаарч чинэрээд, байж ядан уйлах нярайг эхийнх нь элгэнд тэврүүлтэл төрөх тасагт цагийн зүүний цохилохоос өөр чимээ үл сонсогдохоор нам гүмхэн болно. Энгэрт нь тэврүүлэн ангир уургаа шимэх, мэлмийгээ ч нээгээгүй нялзрай үрээ нулимстай нүдээр ширтэх эх бүүвэйн дууг намуухнаар аялах мөчид эх баригч эмч нарын санаа амарч, хажууд нь хэсэгхэн зогсоно. Гэвч тэдний ажил үүгээр дуусахгүй.

Удалгүй дараагийн шинэ хүнээ өлгийдөн авахаар нөгөө төрөх өрөө рүү яаравчлан орцгоов. Эх баригч Б.Чинзоригийн араас Б.Буянаа, Ц.Ренчинмядаг болон Батцэрэн зэрэг тус өдөр ээлжинд гарч байсан бүх эмч зургадугаар төрөх өрөө рүү гүйх шахам орлоо. Сувилагч нар байсхийгээд ганц нэгээрээ гарч ирэн хажуугийн өрөөнөөс ариутгасан багаж хэрэгсэл, алчуур, хөвөн даавуу авч байгаа харагдав. Төрөх өрөөний гадна зогсох надад эх баригч эмч нарын “Сайн дүлээрэй. Толгой нь цухуйчихлаа.Ухайс даа. Болж байна. Яг түрүүнийх шигээ дүлээрэй”, “Хүүхдийн чинь толгой нь бараг бүтнээрээ гарчихсан байна. Бараг төрчихсөнөөс ялгаагүй. Одоо жаахан л хүч гаргачих”, “Жаахан л хичээвэл дорхноо шүү дээ” гэх зөвлөгөө үгс эрүүний яснаас бусад нь салж буй мэт тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч буй эхийн орилох, уйлах чимээн завсраар сонсдоно. Барагцаалбал арваад минутын дараа төрөх өрөө нам гүмхэн болчихов. “Эсэн мэнд төрсөн бол мэндэлсэн даруйдаа уйлмаар юм аа. Арай …” гээд тэрхэн зуурт элдвийг бодон зогстол нярайн уйлах дуу сонсдож, дотор онгойлоо. Ийнхүү он гарсаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 37 дахь хүүхэд буюу 19 дэх хүү ийн мэндэлсэн юм. Төрөх тасгаас сувилагч гарч ирээд, гаднаас нь харвал хөргөгчтэй төстэй дөрвөлжин саарал, төмөр хайрцгаас өлгий даавуу авав. Төмөр хайрцагт ойртоод харвал бариул дээр нь “Өлгий, даавуу” гэж бичжээ. Татаад үзвэл дотор нь өлгий, давууг хосоор эвхээд, дөрвөлжлөн хураажээ. Хөргөгч шиг сэрүү татах биш харин ч өөдөөс халуун төөнөж байлаа. Сувилагчийн тайлбарласнаар бол эхийнхээ хэвлийд 37 хэмийн халуунд байсан нярай тасалгааны хэмд төрж байгаа учраас даардаг байна. Тиймээс төрсөн даруйд өлгийдөн боох даавууг 30 орчим хэмийн тогтмол халуунд байлгаснаар дөнгөж төрсөн нярайг хатгалгаа тусах эрсдэлээс бүрэн сэргийлдэг юм байна.

Төрөх өрөөнөөс эмч нар гарч ирээд өөр хоорондоо гар барьцгаан, “Үнэхээр бид чадлаа. Хамтын хүч гэдэг чинь ийм л сайхан байгаа юм шүү дээ. Энэ удаагийн боломжийг бид алдсан бол хөөрхийг насан туршид нь үрийн зулай үнэрлэх тавилангүй ч болгож мэдэх байлаа”, “Эх барих эмчээр 30-аад жил ажиллахдаа өнөөдрийнх шиг сандарч, тэвдэж байсангүй. Бүхэл бүтэн гэр бүлийн аз жаргалыг өлгийдөөд авах уу, үгүй хийх үү гэдэг биднээс шалтгаалж байсан болохоор” хэмээн өөр хоорондоо ярилцана. “Эх барих эмчээр 30-аад жил ажиллахдаа өнөөдрийнх шиг сандарч, тэвдэж байсангүй” гэж хэлэх болсон шалтгааныг Б.Буянаа эмчээс асуутал “Эх баригч эмчийн үйл хөдлөл бүр асар өндөр хариуцлагатай байхыг шаарддаг. Бүр хэлдэг үг нь хүртэл. Эдгэнэ, дээрдэнэ, сайжирна, эмчилнэ гэхээс биш хөмсгөө зангидаж очоод “болохгүй, мэдэхгүй, чадахгүй” гээд байвал үйлчлүүлэгчид хүндхэн тусах нь ойлгомжтой. Эмнэлэгтээ би эх баригчаар тасралтгүй 26 дахь жилдээ ажиллах хугацаандаа барагцаалбал 6000 гаруй нярайг эх барьж авсан. Мэдээж төрөлт бүрт мэргэжилдээ жинхэнэ утгаараа эзэн болж, алдаа гаргах эрхгүй ажиллах ёстой. Сая төрдөг эмэгтэйн хувьд өмнө нь хоёр удаа ураг нь хэвлийдээ амьгүй болж авахуулсан. Дараагаар нь тасралтгүй эмчилгээ хийлгэж, дэглэм барьсны дүнд ургаа хоёр гуравхан сартайд нь амьгүй болгочихолгүй долоо, найман сар хүргээд гурван ч удаа төрөх орон дээр гарсан ч…” гээд хоолой нь зангираад, нүдэнд нь нулимс цийлгэнээд ирэв. Тэгтэл Б.Чинзориг эмч үргэлжлүүлэн “Эхний удаад дутуу төрөөд, дараагийн удаад зулбачихсан. Саяхан ахиад хүүхэдтэй болох гэсэн боловч бас л бүтэлгүйтчихсэн юм. Ингэж хүүхэдтэй болох гэж удаа дараа оролдсон боловч бүтэлгүйтсэн учраас аргагүйн эрхэнд үр шилжүүлэн суулгуулсан юм. Өөрөөр хэлбэл үр шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болсон гэсэн үг. Үүнд зарцуулсан мөнгө төгрөг гэхээсээ илүү цаг хугацаа асар үнэтэй. Даваамягмар эгч одоо 36 настай. Энэ удаад ганц дааж авсан эх баригч биш, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх баригч эмч нарын бүхэл бүтэн баг ажиллалаа. Нярай маань бага зэргийн бүтэлттэй төрсөн ч аман дахь салиаг соруултал ашгүй шил хагарч, хана нуртал уйллаа” гээд инээмсэглэв. Эх баригч эмч Ц.Ренчинмядаг “Бага насны хүүхэд бие нь өвдөхөөр уйлдаг. Арай жаахан томхон бол энд өвдөөд байна гэж хэлээд эвхрээд унадаг. Тэгээд л уйлна. Тэгвэл дөнгөж төрсөн нярайг нарийн хоолойгоор гийналгүй чанга дуугаар ихэр татан уйлах тусам бид баярладаг. Элдэв эмгэггүй, эрүүл төрж буйн илрэл нь ердөө уйлах шүү дээ” гэсэн юм.

Эх нялхас буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өдөрт дунджаар 30-40 эх амарждаг аж. Сонгинохайрхан дүүргийн харьяалалтай иргэдэд үйлчлээд зогсохгүй улсын хэмжээн дэх төрөх эмнэлгүүдээс цорын ганц гуравдугаар шатлалынх гэх утгаараа 21 аймаг, нийслэлийн бүх дүүргийн зүрх судасны эмгэгтэй, өмнө нь удаа дараа дутуу төрж байсан зэрэг амь насанд эрсдэл өндөртэй жирэмсэн эхчүүд эх нялхаст ирж төрдөг байна. Тэр ч утгаараа эмч, сувилагчдаас мэргэжлийн асар өндөр ур чадвар шаардагддаг болох нь харагдаж байсан юм. Эх баригч Б.Чинзориг “Над шиг залуу эмч нар олон жил ажилласан туршлагатай эмч нараасаа сурах зүйл маш их. Онолоос гадна практик дадлага маш чухал. Тухайн өдрийн ээлжинд гарч байгаа эмч нар дээрхийн адил хүндрэлтэй байх магадлалтай төрөлтүүдэд би хариуцаж авсан юм гээд ганцаараа биш, олуулаа, багаараа ордог нь ийм учиртай” гэсэн юм.

Б.Буянаа эмч төрөөд хэдхэн цаг болж буй нярай хүүхдээ тэвэрсэн Ж.Баярцэцэг хэмээх бүсгүйг тэргэнцэр дээр суулган түрсээр төрөх тасгаас гарч ирлээ. Тэрээр дөрвөн кг 300 грамм жинтэй хүүтэй болжээ. Элдэв хүндрэлгүй, кесаров хагалгаагүй буюу эмч нарын хэлдгээр “өөрөөрөө” төрсөн учраас түүнийг Б.Буянаа эмч ганцаараа эх барьж авчээ. Үүдний өрөөнд орж, төрсөн эх болон нярайн биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий анкетыг бөглөчихөөд, тусгай зориулалтын цахилгаан шатанд суулган дөрөвдүгээр давхар дахь төрсний дараахь тасаг руу авч явлаа. Ганц хүнтэй, гурван ортой тасагт оруулаад, сувилагчийнхаа хамт болгоомжтой гэгч нь дээш өргөж, орон дээр аажуухан хэвтүүлэв. Төрсний дараахь тасгийн эмчид өнөөх бөглөсөн анкетаа өгөөд Ж.Баярцэцэгт “Одоо миний охин гэрээсээ ирсэн цай, шөлийг сайн идэж, ууж хурдан тэнхрээрэй. Бие хурдан тэнхэрвэл сүү сайн орно. Сүү сайн орно гэдэг чинь хүүхдийн шарлалт хурдан буухад чухал нөлөөтэй. Тэгээд дорхноо эмнэлгээс гарчихна. Эмчийнхээ зааврыг сайн дагаарай. Бие чинь тавгүйрхэж, өвдөх юм уу мөөмөө идэж байгаа хэрнээ хүү нь уйлаад байвал эмчдээ хэлээрэй” гэчихээд гараад явснаа буцаж орж ирээд “Өө нээрээ мартах гэж байна. Охиныхоо хүйг нь боосон даавууг солих болж байгаа шүү. Төрөх тасагт нэлээн удаан хэвтсэн гэдгээ сувилагчдаа хэлээрэй. Тэгэхгүй бол солих болоогүй гээд хүлээлгээд байж магадгүй” гээд гарлаа. Тэрээр буцаад төрөх тасгийнхаа үүдний өрөөнд орж, бүртгэлийн дэвтрийг харснаа “Одоо миний эх барьж авах эмэгтэй Ганцэцэг юм байна” гээд дөрөвдүгээр төрөх өрөө рүү орлоо. “Миний охины бие нь яаж байна. Гэдсээр нь базалж өвдсөн үү” гэсэнд “Саяхнаас базалж өвдөх нь гайгүй болчихлоо. Бие засах гэсэн чинь өндийж чаддаггүй” гэв. Б.Буянаа эмч бүсэлхийгээр татахаар өндөр, дөрвөн дугуйт тэргэн дээр суурилуулсан төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг нэг бүрчлэн шалгаснаа “Өвдөлтийн хугацаа ойртож л байгаа юм байна. Цусны даралт хэвийн. Хэвлий дэх ургийн зүрхний цохилт хэвийн, байрлал зөв” гэснээ “За тэгвэл ээж нь бие засахад чинь тусалъя” гэснээ жирэмсэн эмэгтэйн хүзүүгээр тэвэрч, алгуурхан өндийлгөлөө. Хажуу тийш аажуухан харуулснаа хөлд нь углааш өмсгөөд хажуугаас нь дэмнээд босголоо. Урдхан талд нь байх өнөөх дөрвөн дугуйт төхөөрөмжийнхөө бариулаас атгуулаад, хажуугаас нь түшсээр ариун цэврийн өрөө рүү аажуухан алхаллаа.

Хоёр жилийн өмнө Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд тус дөрвөн дугуйт төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүдийн даралт, гэдэсний базлалт зэрэг биеийн өөрчлөлтүүдээс гадна хэвлий дэх ургийн зүрхний цохилт, байрлалыг хүртэл нэгэн зэрэг хянадаг юм байна. Өрөө бүрт ийм төхөөрөмжтэй харагдав. Тэдгээр төхөөрөмжийг үүдний өрөөн дэх дэлгэцтэй холбосон учраас эмч нар нэгэн зэрэг хэд хэдэн жирэмсэн эмэгтэйг хянах боломж бүрджээ. Даралт тогтворгүй болох, өвдөлт хүчтэй болох үед тусгай дохио дуугарах учраас эмнэлгийн тусламж цаг алдалгүй хүртэх бололцоо бүрэн нээгджээ. Өрөөнөөсөө гарч бие засах, эмчтэйгээ уулзах, тариагаа хийлгэхдээ хүртэл өнөөх аппаратаа биенээсээ салгалгүй, урдаа түрээд явж болдгоороо давуу аж. Б.Буянаа эмч өнөөх жирэмсэн эмэгтэйг ариун цэврийн өрөөнд оруулчихаад буцаж гарч ирээд оронд нь хэвтүүллээ. “Миний охины бие тавгүйрхвэл хонхоо дараарай. Үүдний өрөөнөөс тусгай дэлгэцээр хянаж байгаа болохоор санаа зоволтгүй” гэв. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн гурван сая дахь иргэнийг эх барьж авсан бөгөөд “Бусдад аз жаргалыг түгээдэг эх баригч болсондоо үргэлж би бахархдаг. Эхийн ариун хэвлийгээс хорвоод мэндлэх бяцхан үр гэдэг тухайн гэр бүлийн баяр баясал, аз жаргал байдаг. Тэрхүү аз жаргал, баяр баяслыг хорвоод тосч авах хувь тохиол хүн бүрт заяахгүй. Сэтгэл дутах эрхгүй мэргэжил байгаа юм даа. Тиймээс эх барьж авсан, цаашид эх барьж авах эмэгтэйчүүд бүгд миний төрсөн охиноос ялгаагүй. Өөрөөр хэлбэл би үйлчлүүлэгчдэдээ өөрийн төрсөн охиноос, төрсөн эгчээс ялгаагүй сэтгэл гаргаж байгаагийн илрэл гэх үү дээ” гэсэн юм. Эх барих эмч нар төрөхөөр ирсэн жирэмсэн эхчүүдийг ийн нэг нэгээрээ “дааж” авч, бие засахад нь хүртэл тусалдаг юм байна. Түүнээс биш төрөхөд нь л эх барьж авна гээд элгээ тэврээд зүгээр суудаггүйг эндээс ойлгосон юм.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нийтдээ найман төрөх өрөөтэй, 20 гаруй төрөх ортой гэнэ. Сарын өмнөхөн шинээр 10 төрөх ор, төчнөөн аппараттай болжээ. Тус ор жирэмсэн эмэгтэйг хэвтүүлж, суулгах эсвэл өмнө нь жижиг ширээтэй болгох зэргээр олон үйдлийг нэг дор хийж болдгоороо давуу аж. Дагалдаж ирсэн аппаратаар ургийн бичлэгийг илүү нарийвчлалтай, тодорхой хийдэг болжээ. Түүнчлэн төрөхөөр ирсэн эмэгтэйчүүддээ ч нэг удаагийн малгай, цув, өмд, углаашнаас гадна дэвсгэрийг хүртэл үнэ төлбөргүй өгдөг болсон нь эмнэлгийн дотоод ариун цэврийг сайжруулахад чухал нөлөө үзүүлсэн гэдгийг эх баригч эмч нар хэлж байсан юм.

Эмч нарын амралтын өрөө гэж байх хэдий ч тийш ороод, амраад, телевиз үзээд байгаа эмч харагдсангүй. Өөрийн эх барьж авсан эмэгтэйг төрсний дараахь тасаг руу оруулж өгчихөөд, эргэж орж ирээд бүртгэлийн дэвтрээс өөр дээр нь хуваарилагдсан жирэмсэн эмэгтэйг хэддүгээр тасагт хэвтэж байгааг мэдүүтээ шууд л тийш зүглэх аж. Бүр эх баригч Б.Чинзориг “Өдрийнхөө цайг уулаа” гээд 17 цагт тасгаасаа гарч байгаа харагдав. Учир нь тэрээр 13 цагийн үед 36 настай Даваамягмар хэмээх эмэгтэйг төрүүлсэн эмч нарын багт ажилласныхаа дараа залгуулаад хоёр ч кесаров хагалгаа хийжээ. Тэрбээр “Ажлынхаа завсар л хоол цайндаа орно уу гэхээс хоол цайндаа орчихоод ажилдаа орохгүй шүү дээ” гээд инээмсэглэв.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Утаа багасах үлгэр боллоо. Цэвэр агаар савлаж зардаг болъё

Канадын Альберта мужийн “Banff” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэн.

Эндээс “Vitality Air” компани цэвэр агаар авч, савлан борлуулдаг байнаКанадын “Vitality Air” компани хоёр сарын өмнөөс өөрийн орны ой хөвч, уул ус, ургамал цэцэгсээр хүрээлэгдсэн онгон зэлүүд, мөнх цаст, өндөр уулсынхаа цэвэр агаарыг хоолой аргуулсан хорт утаагаар амьсгалж буй Бээжингийн иргэдэд борлуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн жил байгуулагдсан “Vitality Air” компани энэ оны аравдугаар сараас Канадын Альберт мужийн “Banff” хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цэвэр агаарыг Хятад руу экспортлох болжээ. Энэ бизнесийг эхлүүлэх санаа хэрхэн төрсөн талаарх “Тelegraph” сайтын сэтгүүлчийн асуултад тус компанийг үүсгэн байгуулагч Мосес Лаам “Сүүлийн хоёр гурван жилд дэлхий нийтийн агаарын бохирдол эрчимжих хандлагатай болсноос үүдэн хүмүүсийн эрүүл мэнд доройтох болсон талаар багын найз Троё Пакетт хэлжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулахыг хичээсэн учраас Троё Пакеттитай хамтраад хэсэгхэн хугацаанд туршилт хийсэн. Өөрөөр хэлбэл, эрэлт хэр байгааг судалсан гэх үү дээ. Гялгар уутанд савласан цэвэр агаар савлаж зарна гэж бичээд олон улсын худалдааны Ebay сайтад байршуулсны дараахан худалдан авах хүсэлт маш их ирсэн. Чухам эндээс л цэвэр агаар савлаж худалдаалах бизнесийн санаагаа бодит ажил болгох шийдэлд хүрсэн. Байгуулагдсанаасаа хойш жил хүрэхгүй хугацааны дотор өдөрт 500 гаруй ширхэг савласан цэвэр агаар борлуулдаг болсон” хэмээн хариулжээ. Тус бүр нь 7.7 литр хэмжээтэй савласан цэвэр агаар 100 юань буюу 30 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь Бээжин хотноо зарагддаг тус бүр нь нэг литрээр савлагдсан найман шил эрдэсжүүлсэн цэвэр уснаас даруй 50 дахин өндөр үнэтэй юм. “Ихэвчлэн хөрөнгө чинээтэй айлын гэрийн эзэгтэйчүүд өөртөө болон гэр бүлийнхэндээ хэрэглүүлэх гэж цэвэр агаар худалдан авдаг. Ойр дотнынхондоо бэлэглэх нь ч элбэг. Хятадад цэвэр агаар худалдан авах бол яах аргагүй тансаг хэрэглээ. Энэ өвөл ойролцоогоор дөрвөн мянга гаруй ширхэг савласан цэвэр агаар борлуулах гэрээг Хятадын Засгийн газартай хийсэн. Өвлийн улирал ид дундаа орж байхад гурван мянган гаруй нь аль хэдийнэ зарагдчихсан. Мэдээж Хятадын Засгийн газраас нэмж авах хүсэлтээ илэрхийлбэл бид нийлүүлэхэд бэлэн” гэж “Vitality Air” компанийн Хятад дахь худалдааны төлөөлөгч Харрисон Ванг хэлжээ. Тус бүтээгдэхүүний хэрэглэгчид дан ганц Бээжин хотоор зогсохгүй, Хятадын зүүн хойд хэсэг дэх агаарын бохирдолт ихтэй том хотуудын оршин суугчид, Хойд Америк, Энэтхэгт хүртэл байдаг аж.

Дээрх мэдээлэл цахим ертөнцөд гарсны дараахнаас дотооддоо иймэрхүү цэвэр агаар савлаж, зардаг үйлдвэртэй болъё гэсэн саналыг иргэд өөрсдийн твиттер, фейсбүүкээрээ дамжуулан илэрхийлэх болсон. Тухайлбал Улаанбаатар ойрын хэдэн арван жилдээ утаатай хэвээр байх нь тодорхой. Утаагүй зуух тарааж, гэр хорооллыг орон сууцжуулах, утаагүй түлш үйлдвэрлэх төсөл боловсруулж, “Цэвэр агаар сан” гэсэн тусдаа байгууллага байгуулж хүртэл үзлээ. Аль аль нь төдийлөн амжилттай болоогүй. Үр дүн одоогоор харагдахгүй л байна. Зарим нь бүр төсвийн мөнгөнөөс хумслах гэсэн бодлого боловсруулагчдын заль байсан болохыг цаг хугацаа харуулсан. Үүссэн асуудлыг шийдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах хүртэл “Vitality Air” шиг цэвэр агаар савлаж, зардаг компани байгуулбал хамгийн нүдээ олсон хөрөнгө оруулалт болно”, “10 гаруй тэрбум төгрөгөөр утаагүй түлшний үйлдвэр барихаар төсөвлөн, хаана ч туршигдаагүй, бодит ажил хэрэг болоогүй технологийг “нэвтрүүлэхээр” ажилладаг, манайхан мөн чиг хачин улс шүү. Энэ хөрөнгөөр нэг биш нэлээд хэдэн энэ мэт цэвэр агаар савлан, худалдаалдаг үйлдвэр байгуулж болох байсан байх даа. Улаанбаатар хотоос арав гаруйхан км-т гарчихад л цэвэр агаараар цээж тэнийтэл амьсгалж болно. Тэр утгаараа цэвэр агаар үйлдвэрлэлийн “түүхий эд”-ийг нөөцлөхийн тулд хотоос арав гаруйхан км холдоход л хангалттай. 22-ын товчооноос жаахан цаашлахад л хангалттай цэвэр агаар авчихна. Өөрөөр хэлбэл Хятад шиг харь орны цэцэрлэгт хүрээлэнгээс агаар худалдан авах шаардлагагүй гэсэн үг”, “Агаарын бохирдлыг бууруулах ийм ч хөтөлбөр, тийм ч төсөл гэсээр ард түмэн амьсгалын замын өвчнөөр үхээд дууслаа. Утаагаа багасгаж чаддаггүй юм бол ядаж цэвэр агаар савлаж зардаг үйлдвэртэй болчихооч” гэх зэргээр өөрсдийн сэтгэгдлээ илэрхийлсэн байсан юм.

Дашрамд дуулгахад Японы аялал жуулчлалын Фүжисан бүсийн компаниуд тухайн нутгийн агаарыг бэлэг дурсгалын зориулалтаар анхлан савлаж байжээ. Хятадууд өөрснөө агаар савлан худалдах хэд хэдэн оролдлого хийж байжээ. Тухайлбал, 2012 оны есдүгээр сард хувиараа аж ахуй эрхлэгч Чэн Гуанбяо гэгч анх агаарыг лаазлан худалдаалж байгаагаа хэвлэлээр зарласан бөгөөд 100 мянган ширхэг лаазтай агаар үйлдвэрлэж, ширхгийг нь дөрвөөс таван юаниар заржээ. 2014 оны гуравдугаар сард Хэнань мужийн Лаү Жүньшаний аялал жуулчлалын цогцолбор интернэт хуудсаараа дамжуулан лаазалсан агаарыг бэлэг дурсгал болгон үйлдвэрлэнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

​Байгаль хамгаалах үйлсэд амиа зориулсан Т.Лхагвасүмбэрэл агсны ангийнхан

“Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэлийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа уржигдар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд болсон. Энэ үеэр БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг “Талийгаачтай уулзаж үзээгүй ч түүний ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүй, төлөв даруу зан чанар, мэргэжилдээ эзэн болсон байгальд элэгтэй нэгэн байсныг ойр дотнынхноос нь сонсож мэдлээ. Түүний эхлүүлсэн их үйлсийг үргэлжлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн. Ганц талийгч гэлтгүй их сургуулийн нэг ангийн хамт олон нь байгаль орчныг судалж, зэрлэг амьтдыг хамгаалах их үйлсэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулсаар байгаа шинэ үеийнхэн гэдгийг Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон “Ирвэс хамгаалах сан”-гийн төлөөлөгчид энэ үеэр өөр хоорондоо ярилцаж байсан юм. Тиймээс МУИС-ийн Биологийн сургуулийн төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа оруулахаар шийдсэн юм.

Их сургуулиа 60 гаруй хүүхэд төгссөн болохоор хамгийн багадаа хоёр хүүхэд тутмын нэг нь ирэх байх гэж тооцон болзсон газраа очвол ширээний ард дөрөв тавхан хүн сууж байлаа. “Танай ангийнхан чинь цагаа баримталдаггүй улс юм аа даа. Тэглээ ч замын түгжрэл, бөглөрөл ихтэй учраас хэсэг хугацаанд бусдыгаа хүлээх нь дээ” гэвэл “ангиараа уулзалдана гэдгээ фэйсбүүк дэх группдээ өчигдөрхөн бичсэн. Ихэнх нь хөдөө гадаа судалгаа шинжилгээний ажлаар явцгаачихаж. Бүр нэлээн олон хүүхэд хөдөө орон нутагтаа мэргэжлээрээ суурин ажиллаж байгаа. Улсын болон нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг хүүхдүүд жилийн эцсийн тайлантай болохоор завгүй гэсэн. Гадаадад докторын зэргээ хамгаалахаар суралцаж байгаа тав зургаан ч хүүхэд бий. Уг нь манайхан чинь хүн хүлээлгэдэг хүнд сурталтнууд биш. Уулзах товоо ганц хоногийн өмнө зарласан болохоор бид хэд л ирлээ” хэмээн өндөр бор залуу хэлтэл хажууд нь сууж байсан тайрмал үстэй бүсгүй “Манайхны ажлын онцлог гэх үү дээ.

Байнга л сургалт судалгаа хийхээр хөдөөгүүр явдаг. Ямар сайндаа 2010 онд сургуулиа төгссөнийхөө дараа манайхнаас тав зургаан хүүхэд хурим найраа хийгээд, ангийнхныгаа урьсан ч тав зургаахан хүүхэд очсон гэсэн. Би л гэхэд говиор судалгааны ажилд явж байгаад нэг ч хуриманд очиж чадаагүй. Бидэнд тухайн үед хоёр гурван сарын өмнөөс хэлж захиад байсан юм шүү дээ” гээд хэсэг дуугүй сууцгаав. Тэгтэл өнөөх бүсгүй “Одоо нэгэнт бидний ажлын онцлог юм хойно цөөхүүлээ цуглалаа гээд гуниглаад яах билээ. Цөөхүүлээ хэдий ч олуулаа юм шиг инээж хөгжин, яриа хөөрөө дэлгэж чаддаг биз дээ” гэвэл бусдынх нь нүд сэргэн “Үнэхээр тийм шүү” гэцгээн ширээндээ дөхөн сууцгаалаа.

Тэд нэг, хоёрдугаар дамжаандаа ерөнхий эрдмийн хичээлээ хамтдаа судалсан бол гуравдугаар дамжаанаасаа микробиологи, амьтан, ургамал, генетик, биохими, биофизик зэрэг чиглэлээр дагнан суралцахаар болж, тав зургаан бүлэгт хуваагдсан аж. Ангийнхныхаа уулзалт дээр ирсэн хүмүүс бүгд амьтан болон ургамал судлалын бүлгийнхэн байсан юм. Б.Лянхуа “Бусад бүлгийнхнээ бодвол манай амьтан, ургамал судлалынхан хоорондоо илүү дотно байсан. Яагаад гэвэл хоёрдугаар дамжаандаа манай хоёр бүлгийнхэн цугтаа хөдөө хээрээр олон хоногоор судалгаа, шинжилгээний ажил хийж байсан юм. Тэгээд ч бидний судлах амьд биетүүд нэг дор байдаг нь ч үүнд нөлөөлсөн байх. Ургамал байгаа газарт мал амьтан байна. Мал амьтан амьдарч буй газарт ургамал ногоо бий. Хичээл дээрээ бол нэгнийхээ зүс нэрийг мэдэхээс хэтрэхгүй нэг ангийнхан хөдөө 20 хоног дадлагаар явахдаа жинхэнэ найзууд болоод ирнэ шүү дээ. Басхүү хөгтэй хөөртэй явдлууд олон болдог байж билээ. Зуны дадлага гэсэн чинь нэг хөгтэй явдал санаанд орчихлоо” гэвэл “Үнэхээр тийм шүү. Тэгээд ярь л даа” гэцгээн бусад нь түүний зүг анхаарлаа хандуулав. Тэрбээр “Нэгдүгээр дамжаагаа төгсөөд дархан цаазат Богд уулын Шажин хурахад 20 хоног дадлага хийсэн дээ. Ихэнх нь гэрээсээ удаан хугацаагаар гарч үзээгүй учраас хөдөө хээр олон хоногоор явах талаар ямар ч төсөөлөлгүй. Би ямар судалгаа шинжилгээ хийж, юу судлахаас илүүтэй 20 хоног усанд орохгүй яаж байна даа гэдэгт санаа зовж байсан” гэвэл бусад нь нир хийтэл инээлдэв. Үргэлжлүүлэн “Очсон өдрийнхөө маргаашнаас өглөөний 06 цагт шүглийн дуунаар босч эхэлсэн. Шүгэл гурван удаа дуугарахаас өмнө урьтаж бүгд гадаа жагсах ёстой. Эхний хэд хоногт өглөө эрт сэрж, жагсах гэж хөглөж өгсөн. Ихэнх нь нойрмоглоод, өрөөсөн оймстойгоо, зарим нь бүр гутал, цамцгүй жагсаалд зогсох бол энүүхэнд. Бүр удаад гарч ирэхгүй бол н.Жамсран багш таягаараа майхан руу цохиод “Хурдан гарч жагс” гэнэ. Тэгж тэгж нэг юм цуглаж аваад гүйнэ дээ. Хоёр гурван ч автобусны буудлын дайны газарт байх өнчин модыг тойрч ирнэ. Эхний өдөр гүйгээд маргааш нь хамаг бие хөндүүрлээд гүйж чадахгүй шинжтэй болчихгүй юу. Тэгэнгүүт ангийнхаа дөрөв таван охинтой цуг замдаа нэг гүвээний ард нуугдаж үлдээд, ангийнхнаа буцаад гүйж ирэнгүүт дагаад гүйчихсэн. Амьхандаа багш ямар дагаад гүйж байгаа юм биш, юугаа мэдэхэв гэж бодтол харин ч замдаа үлдсэн охидын нэрийг дуудаж гаргаж ирснээ дахиад гүйлгэдэг байгаа. Хажуухан дахь гүвээн дээрээс багш дурандаад зогсож байсан юм байна лээ л дээ. Тэрнээс хойш багшийгаа дахиж “хулхидаагүй” дээ” гэв.

Ингэж гүйснийхээ дараа өглөөнийхөө цайг уучихаад 08 цагт дадлагаа эхэлдэг байж. Өдөрт дунджаар 10-15 км хад асга, ой модоор алхаж судалгаа хийх шавьж хорхойгоо түүдэг байж. Энэ талаар С.Одончимэг “Нэгдүгээр дамжаагаа төгсөөд анхлан хөдөө яваад, амьтны дадлагын хичээл дээр жижиг хар хорхой, аалз, элдэв шавьжийг гараараа түүнэ шүү дээ. Эхэндээ айгаад түүх нь бүү хэл гар хүрч ч чадахгүй тул хөвгүүдээрээ түүлгэсэн. Хорхойгоо хүнээр түүлгэлээ ч судалгаа шинжилгээгээ зайлшгүй өөрөө хийх ёстой болохоор аргагүйн эрхэнд гар хүрч байгаа юм. Аалзны биеийн бүтцийг нарийвчлан судлах гээд гар дээрээ тавих ч өөрийн эрхгүй бие арзагануулна шүү дээ. Орилж, хашгичаад, сандарч чичрээд л бөөн юм болдог байсан. Нэгэнт энэ мэргэжилдээ дуртай учраас судалж буй жижиг биетээ зайлшгүй өөрийн гараар судалж, мэдэх ёстой гэсэн шаардлагыг дагахаас өөр гарцгүй. Долоо хоногийн дараа бол хөвгүүдээсээ өрсөж өнөөх шавьж, хорхойг бээлий ч өмсөлгүй түүдэг болсон доо” гэсэн юм. Үүнийг сонссон ангийнхан дотроос нь П.Батдэлгэр өндөлзөж ирснээ “Нээрээ хар хорхой гэснээс бас нэг хөгтэй явдал санаанд орчихлоо. Зуныхаа дадлагаар явахдаа ангийнхаа Ж.Мөнх-Эрдэнэтэй хамт нэг майханд орсон юм. Тэгсэн өнөөх маань үхрийн баасанд үүрлэдэг хар хорхойг судлахаар болчихдог байгаа. Тэгсэн гурил зуурдаг цагаан түмпэнгээ барьж гарснаа төд удалгүй дүүртэл хар хорхой түүгээд ороод ирчихсэн. Тэгтэл охид хоолоо идээрэй гэнгүүт өнөөхөө тэр чигт нь орхиж гарч явчихаад эргээд иртэл өнөөх савнаасаа хальж гараад, хувцас хунар, дэвтэр ном, шуудайтай боорцогт хүртэл орчихсон байж билээ. Тэр үнэр танар гэж ёстой ярих юм биш. Ядаж байхад Мөнхөө маань хорхойнууд гараад зугтчихна гэж санаа нь зовсон юм байлгүй, гарахдаа майхныхаа хаалгыг түгжчихээд гарчихсаныг ч хэлэх үү. Хоёулаа эхнэр нөхөр шиг хэрэлдээд, хамаг хувцсаа угаагаад, хөнжил гудсаа гаргаж гөвж билээ. Бүр шуудайтай боорцогныхоо дээгүүрх хэсгээс идэлгүй хаясан. Бас тэр үеэр анх удаа дадлагад явж байгаа учраас хоол ундаа дутуу дулимаг бэлдчихэж. Дадлагаас буухын өмнөх өдөр будаанаас өөр идэх юмгүй болчихвоо. Тэгсэн ангийн нэг охин ганцхан лаазалсан үхрийн мах гаргаж. Түүгээрээ 50-иад хүний будаатай шөл хийсэн гээд бод доо. Усаа буцалгаж байгаад нэлээд олон шанага будаа, өнөөх ганц лааз үхрийн махаа жижиглэж байгаад л хийсэн. Угтаа бол усанд чанасан будаа л даа. Тэр хийсэн үхрийн мах нь хаанаа ч хүрэх билээ. Гэхдээ л сайхан амттай байсан даа” гэсэн юм.

Монгол оронд хүний хөл хүрээгүй, судлагдаагүй дагшин газар ихтэй учраас гадныхан манайд ирж судалгаа их хийдэг болсон талаар өөр хоорондоо ярилцав. Ч.Мөнгөнсар “Наад зах нь Япон, Солонгос, Хятад зэрэг орноос өөрсдийн тарьж байгаа ургамал, тэжээж буй амьтныхаа анхны төрөл буюу байгаль дээрээ хэрхэн аж төрдөг, хэрхэн ургаж төлждөг болохыг судлах гэж ирдэг. Учир нь манайх шиг онгон зэлүүд, ариун дагшнаараа үлдсэн газар нутаг тун ховор. Эрс тэрс уур амьсгалд зохицсон ургамал, амьтны генийн онцлогийг бас их сонирхдог. Бид үүнийгээ дангаар судалъя гэсэн ч тоног төхөөрөмжгүй тул гадныхантай хамтрахаас өөр аргагүй болдог. Энгийнээр бол манай биологчдод ур чадвар нь байдаг бол гадаадын мэргэжилтнүүдэд тоног төхөөрөмж нь байдаг” гэсэн юм.

Гуравдугаар дамжаанд оронгуут ургамал болон амьтан судлалын бүлэгт тус бүр зургаа, долоон хүүхэд хуваарилагдан оржээ. Мэдээж өөрсдийнхөө хүсэлтээр. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсан амьтан судлалын бүлгийг сонгосон байна. Тэрбээр сургууль төгссөнийхөө дараахан буюу 2010 онд “Ирвэс хамгаалах сан”-гийн өндөр босгыг давж мэргэжилтэн нь болжээ. “Талийгч оюутан байхын шударга хүүхэд байсан. Зарим оюутнууд 70 авчихаад 80 хувьд хүргэх гэж уйлах шахам гуйгаад, багш нараас дүн гуйдаг байсан бол талийгч маань 65 авчихаад “Миний мэдлэг чадвар энэ түвшинд байгаа юм байна. Энэ багшаас би дараагийн улиралд 90 хувь гэсэн үнэлгээг гуйж биш гуядаж авна аа” гэдэгсэн. Тэгээд л яах аргагүй тэр дүнгээ авдаг байсан даа” гэцгээн өөр хоорондоо ярьцгаав. Б.Янжмаа “Хоёр жилийн өмнө магистрын дипломын ажлаа бүр англиар биччихсэн байсан. Ийм тохиолдол тун ховор шүү дээ. Урьдчилсан хамгаалалтдаа ирээгүй. Сүүлд сонсоход МУИС-ийн хажууд дээрэмдүүлж, зодуулсан сурагтай байсан. Өнгөрсөн жил бас магистрын хамгаалалтдаа орох гэж байгаад Хөвсгөлд хутгалуулчихсан байсан гэж сонссон. Магистрын зэргээ хамгаалж чадаагүй ч гэсэн бидний хувьд бол талийгч доктор юм шүү дээ. Хийсэн судалгаа, эхлүүлсэн шинжилгээ нь магистр бүү хэл докторын хэмжээнийх байхгүй юу” гэсэнд бусад нь “Үнэхээр тийм шүү. Яах аргагүй байгаль орчин, тэр дундаа амьтан хамгаалах үйлсэд чин сэтгэл, төрсөн биеэ хүртэл зориулсан хүн шүү” гээд нэгэн зэрэг босоцгоон, дуугүй хэсэг зогсов. Үүнийхээ дараагаар тэд өмнөх шигээ инээж хөхрөлгүй, албаны шахуу үгсээр хоорондоо ярилцаж хэсэгхэн сууснаа тарцгаасан юм.

Categories
мэдээ цаг-үе

Солонгос киноны жүжигчдээр нэгнээ нэрлэж явсан Эрдэнэтийн 14-ийнхөн

2007 он. Урлагийн үзлэгийн үеэр

Болзсон газраа, товлосон цагаасаа арваад минутын өмнө очвол эзгүй суудал бараг харагдсангүй. “Та нарынхаа цуглаж байгаа газрыг багагүй хайлаа. Тэгтэл гадаа нь ирчихээд будлиад явсан байна шүү дээ. Дунд сургуулиа төгссөнөөс хойш уулзалгүй долоо, найман жил болсон ч ангийнхан минь яг л хэвээрээ байна шүү” гэсээр хүрэн пальтотой бүсгүй гаднаас орж ирэв. “Ажил төрлөө эртхэн зохицуулж, өөрсдөдөө цаг зав гаргаад ангийнхныхаа уулзалтад заавал ирээрэй гээд аль хоёр сарын өмнөөс ангийнхаа фэйсбүүк дэх группт зарлал бичээд байсан ангийн дарга өөрөө хааччихав. Өнгөрсөн долоо хоногт бүгдийнх нь гар утас руу залгаад мартав аа, сануулж байна шүү. Яг цагтаа шүү гээд байсан биз дээ. Цагаа яс л барьдаг хүн дээ” хэмээн цуглагсад өөр хоорондоо ярилцаж суутал гаднаас бор пальтотой нуруулаг эмэгтэй ороод ирэв. “Дөнгөж саяхан чамайг хоцрох ёсгүй хүн дээ. Ирж яваа юм байх даа гээд ярилцаж суулаа” гэснээ “Юуг дурсахаар гэдэг билээ” гээд инээлдэцгээв. Ангийн дарга ч “Аравхан минут хоцорсныг цагаа барьсангүй гэдэг болчихож. Мундаг цаг баримталдаг болчихжээ, манайхан чинь. Цаг минутаар битгий хэл үдээс хойш, үдшийн бүрэнхий тасрахаас өмнө гэж цагаа товлодог хүмүүс ийм болно гэдэг гайхалтай хэрэг шүү” гээд инээмсэглэснээ, гадуур хувцсаа тайлж, өлгөх зуураа “Үнэхээр манай ангийнхан чинь бараг ихэнх нь цуглачихсан юм биш үү. Олон жил уулзалдаагүй нэгнээ харах сайхан байна. Би бүгдийг нь биш юмаа гэхэд дийлэнх олныг нь цуглуулна гэсэн амлалтдаа хүрлээ шүү” гэвэл “Тэглээ, хө. Одоо Б.Мөнхбаяр, З.Эрдэнэбаатар, Б.Эрдэнэбаатар гурав ирж яваа. Ажлаа тараад шууд наашаа ирж байгаа юм шиг байна лээ” гэцгээв. Тэд бол Орхон аймгийн Баян-Өндөр сум буюу Эрдэнэт хотын байгалийн ухаан, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 14 дүгээр сургуулийн 11-ийн А ангийн 2008 оны төгсөгчид. Төгсөлтийн монтаж дээрээ бичигдсэн, уулзахаар товлогдсон өдрөө ийн уулзацгааж байгаа аж.

2014 оны Цагаан сараар Ш.Дорж багшийндаа

Х.Бадмаанямбуу “Нээрээ фэйсбүүкийн групп гэснээс энэний чинь ачаар хоорондоо холбоотой байх юм. Ядаж л хэн, хаана, ямар ажил эрхэлж явааг мэдчихнэ. Амьдралаа төвхнүүлэхээр дор бүрнээ шаргуу хөдөлмөрлөцгөөж байгаа найзуудаараа бахархаж байна шүү. Тэр дундаа би нэг зүйлд л маш их баярладаг. Сургуулиа төгсөөд, бүгд оюутан болсны дараа аав минь бурхан болсон. Тэр үед хаврын шалгалт эхэлчихсэн, бүгд завгүй байсан хэрнээ намайг гээд Улаанбаатараас зориод ирж байсан ангийнхандаа чин сэтгэлээсээ баярласнаа хэлэх гэсэн юм. Улаанбаатарт бүгд цуглаад, М.Дэмбэрэл, Д.Тэлмэн хоёрын зардлыг дундаасаа гаргаад, Эрдэнэт явуулсныг би мэдсээн. Энэ хоёр маань хагас, бүтэн сайнаар бүтэн өдөржин түлээ хагалж, хашаа хороо эмхэлж цэгцэлсэн” гээд хоолой нь зангирав. М.Дэмбэрэл “Хүнд хэцүү цагт чадлынхаа хэрээр нэгэндээ дэм болох хэрэгтэй. Тэгж байж арван жил нэг ангид тохой нийлүүлэн суусны хэрэг гарна биз дээ” гэсэн юм. А.Мөнхзаяа “Тус болох хэрэгтэй биш бүр ёстой” гэнгүүт бусад нь толгой дохин “Үнэхээр тийм шүү” гэсэн юм. Ш.Энхцэцэг “Өнгөрсөн долдугаар сард Хятадын Шанхайд болсон олон улсын биллъярдын тэмцээнд явахад хүртэл ангийнхан маань санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Ёстой л тэвдэж явахад тэвнээр тусалсан даа, найзууд минь” гэлээ. Б.Чинзориг “Миний хувьд их сургуулийн найзтай бол хичээл л ярина. Ажил дээр гараад танилцсан нэгнээс сайндаа л ажил мэргэжлийн туслалцаа авах болохоос чин сэтгэлийн зөвлөгөө, туслалцаа авахыг хүсдэггүй. Хариулт нь маш энгийн. Ердөө л та нар минь надад байхад хангалттай. Та нартайгаа уулзахдаа л би элдэв бодол, болгоомжлолын хүлээсээс тайлагдаж, жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг. Бас гэртээ” хэмээв.

2005 он. Орхон аймаг, Баян-Өндөр ууланд
салхинд гарав

Ийн ярилцах зуур дунд зэргийн нуруутай, махлаг залуу гаднаас орж ирвэл түүн рүү бүгд харснаа “Манай Бооёо ороод ирлээ. Ашгүй, ажил нь эрт тарсан юм уу” гэцгээв. Түүнийг Ц.Дамбаравжаа гэдэг хэдий ч бусдад нэр хоч өгч, элэглэн шоолохдоо тун гаргуун болохоор бусад нь түүнийг “Хөөе, Бооёо” л гэдэг байж. Бүр багш нар хүртэл тэгж дууддаг байсан гэнэ. Ц.Дамбаравжаа “Намайг Бооёо гээд дуудсан чинь арваннэгдүгээр ангийн урлагийн үзлэг өөрийн эрхгүй санаанд орчихлоо. Яагаав манайхан Шинэ үеийнхний Оддын эрэлд хошин шогийг дуурайгаад, багш ажилчдын элгийг хөшөөх дөхөөгүй юу” гэнгүүт “Саналгүй яахав дээ. Манайхны бэлдсэн үзүүлбэрийг үзсэн багш нар хошин шогийн тоглолт үзэж байгаа аятай инээлдэж байж билээ. Бид нар чамайг жүжигчин болно гэж бодож байсан чинь бүр эсрэгээрээ эдийн засагч болчих юм аа” гэв. Ц.Дамбаравжаа “Харин би өөрөө ч жүжигчин болно л гэж бодож байсан. Жүжигчний мэргэжлээр хагас жил хэртэй бүр сурсан ш дээ, бүр. Даанч жүжиглэхэд биш тоо бодохдоо илүү авъяастай байсан гэх үү дээ” хэмээн инээмсэглэн, толгойгоо маажив. Тэгснээ “Хүүе манай Ёнгу ирээгүй юм уу” гэвэл бусад нь “Хэн” гээд их л гайхсан янзаар харав. “Яагаав, Дормаа” гэвэл залуучууд нь “Аан ирж яваа гэсэн” гэж хариулав. Харин бүсгүйчүүд нь “Дормаа, Ёнгу гэж хэн юм бэ” гэж асуувал Б.Эрдэнэбулган “Хөвгүүд Ц.Мөнхбаярыг тэгж хочилдог юм. Та нар мэддэггүй юм уу” гэвэл “Үгүй ш дээ. Үхэр бас Намираа гэж хочлуулдаг байсныг нь мэднэ. Тэгвэл манай Мөнхбаяр чинь хамгийн олон хочтой нь байсан юм биш үү” хэмээн инээлдэцгээв. Г.Мөнхжаргал “Яаж яваад энэ олон хочийг авчихдаг байна аа. Үхэр гэдэг хочийг л лав дунд ангидаа сагс тоглож байгаад газраас хоёр мод аваад, толгой дээрээ барьснаа “Манайхаан, надад эвэр ургачихлаа” гэсэн гэдэг нь үнэн юм уу гэж асуусанд Ц.Дамбаравжаа “Үнээн үнэн. Би хамт сагс тоглож байсан юм чинь. Үнэхээр ч үхэртэй төстэй харагдсан шүү. Өглөө хичээлдээ дэнжийн уруу гулгаж бууж ирэхдээ үсээ өрвийтөл босгочихоод ороод ирнэ. Наад үс зүсээ янзлаач гээд багшийг уурлахаар цүнхнээсээ самаа авч угаалгын өрөө ороод норгож байгаад жимбийтэл нь самначихаад ороод ирнэ шүү дээ. Тухайн үед Солонгосын олон ангит киноны гол дүрийн Ёнгу гэдэг залуу байсан даа. Үс зүс нь гөлчийж, мөлчийгөөд бүр яг шүү гээд Р.Эрдэнэтуяад хэлчихсэн чинь түс хийтэл инээчихдэг байгаа. Тэгээд л ангиар, бүр сургуулиар Ёнгу гэдэг хоч нь тарсан ш дээ. Сүүлдээ багш нар ч мэддэг болсон байх аа” гэсэн юм.

Ж.Цэнджав “Эрдэнэбулганыг том биетэй, болохоор нь Халк, үсний засалт нь адилхан болохоор Мөнхбаярыг Ёнгу гэдэг байж. Харин яагаад намайг архичин гэдэг байсан юм бэ” гэвэл “Хичээлээсээ дандаа хоцорно. Хоцорч орж ирээд малгайгаа авахаар үс чинь ширэлдээд өрвийчихнө. Бас л тухайн үед жүжигчин Хүрлээгийн гурван буудал чирүүлээд гэдэг хошин шог гардаг байсан даа. Тэрэнтэй адилхан болохоор нь тэгчихгүй юу” гэв. Тэгтэл Х.Тэмүүлэн “Би Цэндээгийн бас нэг онигоог ярьж өгөх үү. Наадах чинь нэг өдөр ээжийнхээ улаан пиджакийг өмсөөд хүрээд ирсэн ш дээ. Тэр үед төмсний улаан цэцэг шиг өнгөтэй улаан пиджак өмсдөг байгаагүй юу.Санаандгүй хажуу тийшээ харсан чинь мөр, халаас энэ тэр дээрээ цэцгэн хээтэй байдаг байгаа. Ширээнийхээ найзыг эвгүй байдалд оруулахгүйн тулд тохойгоороо ёворч байгаад, харцаараа халаасных нь цэцэг рүү заагаад байгаа юм аа. Тэгсэн өнөөх чинь ичээд, царай нь пиджакнаасаа ялгарахааргүй болчихсон” гэтэл Ж.Цэнджав “Нээрээ тэгсэн ш дээ. Багшдаа бие засъя гэж хэлж гараад, дан пиджактай тэр чигтээ гэр лүүгээ гүйчихсэн. Тэрнээсээ болоод хэд хоног халуурч хэвтсээн” гээд инээв. Бусад нь “Цэцэгтэй пиджактайгаа л хичээлдээ суух байж дээ” гээд бөөн инээд болов. Ц.Дамбаравжаа “Ангийн дарга А.Мөнхзаяа надад иргэний дайн зарлаж байна гэснээ санаж байна уу. Бодвол би үгэнд нь орохгүй, дүрсгүйтээд, аргаа барахдаа л тэгж хэлсэн байх” гэж асуутал А.Мөнхзаяа “Сүүлд нь бодоод байхад иргэний дайн гэдэг үгийнхээ утгыг ч өөрөө мэдэхгүй байсан. Их л уур нь хүрсэн шиг байгаа юм” гээд инээмсэглэв.

“Бид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажлынхаа гарааг амжилттай эхэлцгээсэн нь багш нарын минь гавьяа” хэмээн тэд өөр хоорондоо ярилцах зуур Б.Цэцэгбалжид “Үнэхээр тийм шүү. Математикийн багш Ш.Дорж, монгол хэл, уран зохиолын багш Б.Зэдбазар нар маань саяхан Алтангадас одонгоор энгэрээ мялаасан байна лээ. Анги удирдсан багш Б.Чулуундаваа ч ардын боловролын тэргүүний ажилтан болсон байна лээ” гэвэл бусад нь “Үнэхээр нүдээ олжээ” гэцгээв. Тус ангийнхнаас С.Энхтүвшин, Х.Тэмүүлэн нар аймгийнхаа математикийн олимпиадад хэд хэдэн удаа аваргалж байсан бол М.Дэмбэрэл, С.Дөлгөөн, А.Мөнхзаяа нар мэтгэлцээний улсын аваргаас багаараа мөнгөн медаль хүртжээ. Тийм ч учраас 2008 оны ЭЕШ-аар гурван ч хүүхэд математик, физикийн хичээлүүдээр 800 оноо авч байсан. Тэр бүү хэл гурван ч хүүхэд ширээний теннис болон хөнгөн атлетикаар дэд мастерийн болзол хангажээ. Тодруулбал Г.Пүрэвжаргал ширээний теннисний төрөлд, Б.Эрдэнэбулган, Н.Түвшинбаяр нар хөнгөн атлетикаар дэд мастерийн болзол хангажээ.

Төд удалгүй хэд хэдэн залуучууд гаднаас орж ирцгээн, мэнд усаа мэдэлцээд бүгд ширээн дээр сууцгаав. Б.Эрдэнэбулган “Дугаар луу чинь залгаад байхад яагаад утсаа авахгүй байгаа юм. Сургуулийн атаман залгаж байна гэж бодсон уу. Эхнэрээрээ утсаа авахуулаад” гээд хөхрөлдөв. Г.Оюун-Эрдэнэ суудлаасаа өндийж “З.Эрдэнэбаатарынхаа онигоог ярьчих уу” гээд түүн рүү харвал “Тэг ээ” гээд инээмсэглэв. “Төгсөх жил Булгаа, Амгаа, Пүүжээ бид хэд Эрдэнэбаатараар тоглоом хийгээд. Эрчүүдийн тоглоом хатуу л даа. Уг нь гэрийнх нь утас руу даалгавраа асуух санаатай залгасан чинь өөдөөс “Хэн бэ, хэнтэй ярих уу” гээд танихгүй байхаар нь тоглохоор шийдээд. Тэгэнгүүтээ “Сургуулийн атаман Нямдаваа байна” гэсэн чинь хоолой нь шингэрээд л “Аан, сайн уу” гэдэг байгаа. Тэгэхээр нь “Чи миний талаар гадуур юу гэж худал цуу яриа дэгдээсэн гэнэ ээ. Яг одоо гараад ир” гэсэн чинь таг. Би ч утасны цаанаас хоолойгоо шахаад орилчихсон чинь бүр байдаггүй дээ. Тэгснээ Дэмбээ рүү залгаад “Нямдаваа намайг зодох гээд гэрийн гадаа ирчихэж. Одоо хурдан хүрээд ир” гэсэн гэж байгаа” гэвэл бүгд инээлдэв. Б.Баттулга “Дэмбээ чи “ар” нь байсан юм биш үү” гэвэл М.Дэмбэрэл “Одоо тийм л болж таарлаа” хэмээв.

Ийнхүү тэд инээж хөхрөлдөн суутал үйлчлэгч эмэгтэй цаг орой болсныг сануулав. “Уулзалдан, инээж баясахад ганц үдэш хормын төдийд өнгөрөх юм даа” гэцгээн өлгүүр дэх гадуур хувцас руугаа дурамжхан гэгч нь гараа явуулж байгаа харагдав.

Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэс Тавантолгой”-г хоёр дахь “Хан ресурс” болгочихгүйн тулд гэрээгээ шинэчилсэн

-Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд гагцхүү цалингаа өөр компаниас авчих гэсний төлөө өөрийгөө шатаалаа-

“Эрдэнэс таван толгой” компанийн захирал асан Б.Батбилэгтэй ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө та өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдлөө. Ямар шалтгааны улмаас ийм шийдвэр гаргах болсон бэ?

-Би “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд өнгөрсөн тавдугаар сард томилогдохдоо компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах үүрэг хүлээсэн. Манай компанийн удирдах албан тушаалтнууд нүүрсээ хэрхэн зах зээлийн үнээр борлуулах, олборлолтын зардлаа яаж бага түвшинд нь барих зэрэгт анхаарч, үүнийг шийдвэрлэхийн төлөөх бодлого боловсруулж ажиллах ёстой. Бусад ажилчид ч мөн компанийн өмнө өөрсдийн хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Үүн дээр зөвхөн мэргэшил, ур чадварын асуудал яригдахаас бус улс төр яригдах ёсгүй. Ингэснээрээ би ажилчдынхаа үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаагаагүй. Харин хязгаараас хальж, улстөржөөд эхэлбэл албан тушаалаасаа чөлөөлөгдөж, талбайд , гадаа гудамжинд улстөржиж болно гэдэг шаардлагыг тавьж ажилласан. Энэ байр сууриа гүйцэтгэх захирал болуутаа компанийнхаа ажилчдад хэлж ойлгуулсан. “Эрдэнэс Тавантолгой”-д 2009 оноос эдийн засагчаас авахуулаад гүйцэтгэх захирлаар нь ажиллаж, улс төрийн буруу оролцоо компанийн үйл ажиллагаанд асар их хохирол учруулдгийг мэддэгийн хувьд ингэж яриад байгаа юм л даа. Миний баримталж байсан зарчим ердөө энэ. Энэ зарчмыг компанийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн төлөө ажилласан ч харамсалтай нь хэрэгжүүлж чадаагүй учраас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Компанийн ҮЭ-ийн зарим гишүүд, удирдлагууд аливаа асуудлыг цэвэр эдийн засгийн өнцгөөс, ажилчдын эрх ашиг, компанийн ашигтай ажиллагаа талаас харалгүй шууд улстөржүүлчихнэ.

Манай 600 гаруй ажилчин дунд маш олон “улстөрчид” бий. С.Эрдэнэ даргын хувьд гэнэтийн, олныг цочроосон үйлдэл хийсэнд би харамсч байна. “Эрдэнэс Тавантолгой” компани жил бүр 100 сая гаруй ам.долларын хэмнэлт гаргах гээд байтал нөгөө талдаа хүний амь насны асуудал хөндөгдсөн. Би өмнө нь хэлсэн дээ. Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдохдоо компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, алдагдлыг багасгах үүрэг хүлээснээс бус ажилчдын амь насыг хариуцаагүй. Энэхүү хүлээсэн үүргийнхээ дагуу TTJVCO-той байгуулсан гэрээний дагуу ажилах гэтэл үүнийг ажилчдын цөөнх эсэргүүцэн, өөрийнхөө амь насанд хүрэх оролдлого хүртэл хийхээр гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй хэн бүхэнд маш хүнд тусна. Ингээд л ухамсарт, эрх зүйт нийгэмд амьдарч байгаа хүний хувьд би албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

-“Эрдэнэс Тавантолгой” компани жил бүр 100 сая гаруй ам.долларын хэмнэлт гаргах гээд байтал нөгөө талдаа хүний амь насны асуудал хөндөгдсөн гэж та ярилаа. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Үүнийг ярихын тулд анх ажлаа хүлээж авахад “Эрдэнэс Тавантолгой” компанийн эдийн засгийн нөхцөл байдал ямархуу байснаас гадна энэ сард ажлаа өгөх хооронд хэрхэн өөрчлөгдсөнийг ярих хэрэгтэй болов уу. Магадгүй намайг энэ компанийн удирдлагаар сонгогдсоныхоо дараа “бантан хутгаж” хаячихаад өөрөө хариуцлагаас мултрахын тулд албан тушаалаа өглөө гэх өнцгөөс харах хүн цөөнгүй байж магад. Өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдох үед нүүрсний үнийн уналт аль хэдийнэ эхэлчихсэн, нэг тонн нүүрсийг 32.6 ам.доллараар зарах гээд чаддаггүй байлаа. Борлуулалт өдөр ирэх тусам багассаар байсан. Тиймээс энэ ажилд томилогдоод дээрх үүссэн нөхцөл байдлын шалтгааныг тодорхойлж, үүнд нь тохирсон арга хэмжээг авах зарчмаар ажилласан. Тодруулбал борлуулалтын үнэ тогтох механизм тодорхойгүй байсныг зах зээлтэй нь уялдуулж, компанийнхаа ТУЗ болон экспортын үнэ тогтоох комиссын саналыг үндэслэн журам боловсруулсан. Журам хэрэгжүүлснээр борлуулалт өссөн. Өмнө нь манайхыг нэг тонн нүүрсийг 32.6 ам.доллараар зар гээд ТУЗ-өөс үнийг нь тогтоодог байсан. Гэтэл тухайн үед нүүрсний үнэ 20 гаруйхан ам.доллар болтлоо буурчихсан байсан учраас ийм өндөр үнээр “Эрдэнэс Тавантолгой” компаниас нүүрс худалдаж авах газар олдохгүй байсан. Одоо бол үнийг ТУЗ-өөс тогтоох бус зах зээлийн горимоор шийдэгдэх болсон.

Хоёрдугаарт “Эрдэнэс Тавантолгой” компанийн орлого зарлага цаг хугацааны хувьд асар зөрүүтэй байсан. Зүй нь олборлолт явагдаж байхад, өмнөх борлуулсан нүүрсний мөнгө нь орж ирэх ёстой. Компанийнхаа үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд мэдээж байнгын санхүүжилт хэрэгтэй. Өнгөрсөн тавдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн хашаанд хоёр, гурван сая тонн нүүрс овоолоостой байсан гэдэг нь тухайн үеийн ханшаар 60 орчим сая ам.доллар. Энэ хэмжээний нүүрсийг олборлох зардлыг аль хэдийн гаргачихсан гэсэн үг шүү дээ. Гэтэл нүүрс борлогдохгүй болохоор компанийн санхүүжилт зогссоноор хэвийнэ үйл ажиллагаа алдагддаг нь угаас компанийн зарчим. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдоод борлуулалт дээрээ анхаарч, олборлолтоо багасгасан. Үүний дүнд хоёр сая гаруй тонн нүүрсний тэн хагасаас илүүг нь борлуулж, чанар муутай сая хүрэхгүй тонн нь үлдсэн. Мэдээж үүний хажуугаар давхар олборлолт явагдаж байгаа. Гэхдээ ажилчдадаа цалинг нь өгөөд, машин тоног төхөөрөмжиндөө түлш шатахууныг нь хийх зэргээр зарлага гаргаад чанар муутай гэгдэх сая тонн нүүрсийг чанар муу гээд хаях учиргүй. Зах зээлийн зарчмаар үнийг нь хямдруулж борлуулахыг хичээсэн ч хагас жилийн дотор амжуулж чадсангүй.

-Тэгэхээр дээрх үүссэн нөхцөл байдлаас үүдэн TTJVCO-той байгуулсан гэрээгээ өөрчилсөн …

-Ердөө л тэр шүү дээ. “Эрдэнэт таван толгой” компани өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй үед ашигтай ажиллана гэдэг маш хэцүү. Одоо дан ганц уул уурхайн компани гэхээсээ илүү бүх аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах зорилт тавих бус жигд үйл ажиллагаагаа хэрхэн хангах тал дээр анхаарлаа хандуулах үе. “Эрдэнэс Тавантолгой” бүү хэл хэд дахин том уул уурхайн акул компаниуд хүртэл дампуурч байна. Тухайлбал Австралид олборлолт явуулж байсан 800 сая ам.доллараар үнэлэгддэг Японы “Сумитомо” гэдэг компани 2012 онд нэгхэн ам.доллараар зарагдсан. Энэ нь ердөө дампуурсан гэсэн үг. Манай компанийн хувьд дэд бүтэц хөгжөөгүй учраас тээврийн зардалд их мөнгө зарцуулна, худалдан авалт эрс багассан, баахан өр зээлтэйгээс гадна тэдгээрийн хүүнд байнга мөнгө төлнө. Тиймээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд ашигтай ажиллах хүртлээ хэрхэн компанийн алдагдлыг багасган, шинээр өр тавилгүй, үйл ажиллагааг нь доголдуулалгүй авч явах тал дээр анхаарч ажиллахын тулд манай компанийн ТУЗ, Австралийн “Макмахон” компанитай зүүн Цанхийн уурхайд гэрээт олборлогчоор шалгарсан. Хэдхэн сарын дараа “Макмахон” компани өөрийн эзэмшлийн эрхийг 100 хувь “TTJVCO”-д шилжүүлснээр тус компани “Эрдэнэс Тавантолгой”-той хамтран ажиллах болсон.

Тухайн үед “TTJVCO”-той гэрээ байгуулах үед нүүрсээ хил давуулаад 100 сая гаруй ам.доллараар борлуулдаг байсан бол өдгөө хоёр гурав дахин уначихсан учраас өмнөх гэрээг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрсэн. Ингэхийг Эдийн засгийн байнгын хорооноос ч шаардсан. TTJVCO-той хэлэлцээр хийж, олборлолтын өртгийг баруун Цанхид олборлолт явуулж буй бусад операторуудын түвшинд хүргэсэн.

Өөрөөр хэлбэл 40 гаруй ам.долларын өртгөө 20 орчим ам.доллар болгох нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь жилдээ таван сая ам.долларын нүүрс олборлодог “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд 100 сая ам.долларын хэмнэлт хийнэ гэсэн үг. Ингэж “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтын өртгөө хоёр дахин багасгасантай холбоотойгоор тэдгээр ажилчдыг зүгээр л ажлаас нь халаад явуулчихаж болох байсан ч бид тэгж зүрхлэлгүй TTJVCO-д ажиллуулахаар болсон. Ажиллах нөхцөл, цалин нь өөрчлөгдөхгүйгээр. Олборлолтын өртгийг нь хоёр дахин бууруулчихаад бас болоогүй 200 гаруй ажилчнаа TTJVCO-д ажиллуулна гэдэг бараг боломжгүй. Ямар ч компанийн үйл ажиллагааны өртгийг бууруулчихаад, нэмж ажилчид ав гэвэл хэн ч дургүйцнэ биз дээ. Уг нь бол “TTJVCO” компани өөрийн ажилчид дээрээ хүн авах байсан бол заавал “Эрдэнэс Тавантолгой” биш өөр хүн авч болох байсан. Энэ эрх нь тэдэнд нээлттэй.

-Тэдгээр ажилчдыг ажлаас нь халчихаж болох байсан гэж та хэллээ. Тэгэхээр 600 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй болсон гэсэн үг үү?

-Чалкод 145 орчим сая ам.долларын өртэй байснаас өнгөрсөн хагас жилийн хугацаанд 30 орчмыг нь төлчихөөд байсан. “Хаан” банкинд 14 сая ам.долларын өртэй байснаас талыг нь л барагдуулсан. Бас Хөгжлийн банкинд ч өртэй. Нүүрсний үнэ өдөр ирэх тусам хямдарч байгаа өнөө үед энэ их өр зээлийг хүүгийн хамт төлнө гэдэг бэрхшээлтэй.

“Оюутолгой” компани 300 хүнийг саяхан ажлаас нь халсан. Ямар ч асуудал үүсээгүй. Хувийн аль нэг компани ажилчдаа халбал хэн ч юу ч хэлэхгүй. Гэтэл “Эрдэнэс таван толгой” компани шаардлагатай бол ажилчдаа тэдний жишгээр халж болно биз дээ. Гэтэл мэргэжлийнх нь дагуу, хийж байсан ажлыг нь үргэлжлүүлэн хийлгээд гагцхүү цалингаа өөр компаниас авчих л гэсний төлөө өөрийгөө шатаалаа. Гэрээтэй танилцсан өмгөөлөгч нар “Та нар холуур өнгөрөх гайг өөрсөд дээрээ дуудчихсан байна шүү дээ. Ажлаас нь халаад л явуулахын оронд өөр компанид ажиллуулахаар болж, ажилчдынхаа эрх ашгийг бодсон юм байна шүү дээ, уг нь” гэж хүртэл хэлсэн. Маш энгийн байгаа биз.

-Эрдэнэ өөрийгөө шаатаасны дараа гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулж, 12 сарыг 33 болгож, бас өөрийн буруугүйгээс ажлаасаа халагдвал “Эрдэнэс Тавантолгой”-д эргүүлэн ажилд авна зэрэг зүйлсийг нэмж тусгасан. Эдгээр нэмэлт заалтыг эртхэн хийчихэж болоогүй юм уу. Заавал хэн нэгэн нь эрүүл мэндээрээ хохирсны дараа хийдэг нь яаж байгаа юм гэж шүүмжлэх хүмүүс байна л даа.

-“Эрдэнэс Тавантолгой” жилдээ 100 сая ам.доллар хэмнэж, 200 гаруй ажилчны ажиллах нөхцөлийг сайжруулах гэрээг хийхгүй байж болох байсан. Энэ тохиолдолд тонн нүүрсийг 40 гаруй ам.доллараар олборлож, 30 хүрэхгүй ам.доллараар зарна. Тонн тутамд 20-иод ам.долларын алдагдал хүлээнэ. Энэ жишгээр “Эрдэнэс Тавантолгой” удаан ажиллаж чадахгүй. Энэ тохиолдолд 200 биш компанийн бүх 600 гаруй ажилчин ажилгүй болно. Эсвэл бүр TTJVCO-той байгуулсан гэрээгээ цуцалж ч болно. Энэ тохиолдолд TTJVCO компани олон улсын арбитрын шүүхэд хандан, гэрээ цуцалсны төлбөрөөс авахуулаад эдийн засгийн үүднээс алдагдсан боломжоо хүртэл биднээс нэхэмжилнэ. Алдагдсан боломжоо хэдэн сая ам.доллараар үнэлэхийг бид мэдэхгүй. Ингэх юм бол Зүүн Цанхийн орд дээр олборлолт явагдахааргүй болж, “Чалко” биднээс давхар мөнгөө нэхнэ. “TTJV­CO” олборлосон нүүрсээ “Чалко”-д зардаг юм чинь. Бид “Чаько”-гоос 350 сая ам.доллар аваад, оронд нь нүүрс нийлүүлэх гэрээ хийсэн. 200 гаруй сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрсийг нь нийлүүлээд, 100 гаруй сая ам.долларын өртэй яваа. Ингээд гэрээгээ цуцалбал гадаадын хоёр ч компани биднийг олон улсын арбитрын шүүхэд өгөх болчихоод байгаа биз. Тэдний нэхэмжилсэн хэдэн зуун сая ам.долларыг төлөх мөнгө “Эрдэнэс Тавантолгой”-д ч Засгийн газарт ч байхгүй. Тэгвэл гэрээ хийснээр энэ эрсдэлийг бүрэн хааж, дээрээс нь ажилчдаа тогтмол ажлын байртай нь үлдээсэн.

Тэгээд ч Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанийг хоёрдахь “Хан ресурс” болгочихов гэж хүртэл анхааруулж байсан.Ингэчихгүйн тулд л TTJVCO-той гэрээ байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” бол “Хан ресурс”-ээс хэд дахин том шүү дээ.

-Таны хувьд манай дэлхийн нүүрсний зах зээлийн гол нийлүүлэгч болохын тулд яах ёстой вэ?

-Өнөөдөр бидний худалдан авагч ганцхан Хятад улс. Хятад руу нүүрсээ экспортлохын тулд Гашуун Сухайтын боомт хүртэл 240 гаруй км-т ачааны автомашинаар нүүрсээ тээвэрлэдэг. Тээврийн зардал тонн тутамд 17-20 ам.доллар.Хэрэв төмөр замаар тээвэрлэвэл долоогоос найман ам.долларын өртөгтэй. Гашуун сухайтаар жил бүр гарч буй зургаан сая тонн нүүрсийг ийм хямд өртгөөр зөөвөл 60 орчим сая ам.доллар хэмнэнэ. Өнөөдөр бол Хятадын баруун хойд хэсгийн Өмнөд Монголын хэдхэн гангийн үйлдвэрт л зарж байна. Гэтэл арван гангийн үйлдвэр тутмын ес нь далайн эргээр байдаг. Энэ хэмнэсэн мөнгөөрөө бид Хятадын далайн эрэг дагуух гангийн үйлдвэр рүү нүүрсээ хүргэх боломжтой буюу Өмнөд Монголоос цааш тал тал тийш 300 гаруй км тээвэрлэх боломжтой. Хэрэв ингэвэл Өмнөд Монголын ойр орчим дахь 300 км-ийн радиуст нүүрсээ зарна гэсэн үг. Энэ нь 70-100 сая тонн нүүрсний эрэлттэй том зах зээл шүү дээ. Хамгийн багадаа энэ их эрэлтийн 10 гаруй сая тонныг нийлүүлэх боломжтой.

Гангийн үйлдвэрлэлтэй Зүүн өмнөд Азийн улсууд болон Япон, Солонгос, Тайвань зэрэг улс манайхаас нүүрс авах сонирхолтой байдаг. Өнөөдрийн байдлаар эдгээр улс Хятад болон Австралиас нүүрсээ авч байгаа. Харамсалтай нь Монголоос авч чадахгүй байна. Яагаад вэ гэхээр манайхаас авах гэхээр зардал нь их болох гээд байдаг. Манайх нэг тонн нүүрсээ уурхайгаас ачаад Хятад руу гаргаад угаагаад тээвэрлээд Солонгос, Япон руу нүүрс хүлээн авдаг боомтод хүргэж өгөхөд л ойролцоогоор 150-160 орчим ам.доллар болж байгаа юм. Энэ нь татвар орсон дүн. Гэтэл нөгөө талд нь Австралиас дээрх улсууд руу нүүрсээ зөөхөд 100 хүрэхгүй ам.доллараар нүүрсээ зөөх жишээтэй. Тиймээс өнөөдрийн зах зээлд манай нүүрс Хятадаас өөр улсууд руу гарах боломж байхгүй болчихоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Боодол өвс 5000 төгрөгийн үнэтэй байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, эрс хүйтэрсэнтэй холбогдуулан малын тэжээл, өвс ямар үнэтэй байгаа болон эрэлт нийлүүлэлт ямархуу байгааг сурвалжлахаар Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын баруун талд, Сонсголонгийн зам дагуу байрлах өвсний захыг зорилоо. Тэвш дүүрэн өвс ачсан чиргүүлтэй “ЗИЛ-130”, “Камаз”, “Маяти”, “Норд Бенз” зэрэг ачааны машин эгнэн зогсчээ. Тэдний өмнүүр жижиг тэрэг унасан залуус холхин, “Нар салхинд гандаж шарлаагүй, нарийн ширхэгтэй ногоон өвс байна уу. Хурдан мориндоо өгөх гэсэн юм” гэвэл өвсний худалдаачид “Сар гаруйн өмнө л хурааж авсан юм чинь бүх өвс л шим тэжээлээ алдаагүй байгаа шүү дээ. Хашаанд хураалттай байсан өвсийг шууд ачиж ирээд энд борлуулж байгаа. Шим тэжээл маш сайтай. Бид ямар жилийн өмнө хураасан, өнжмөл өвс худалдаж байгаа биш”, “Өчигдөрхөн хадсан биш дээ, яаж ч нов ногоон байх билээ. Бүхэл бүтэн хоёр сарын өмнө хурааж аваад, хадгалсан шүү дээ”, “Миний зарж байгаа өвс нарийн ширхэгтэй бас шинэхнээрээ. Боодолтой өвс гадна талаараа бага зэрэг шарласан болохоос биш голдоо ногооноороо байгаа. Боодолтой өвснүүдээсээ нэг боодлыг аваад үзүүлсэн ч болно” гэцгээнэ. Жижиг тэрэгтэй залуус “Нэг боодол нь 5000 төгрөгт хүрэхээргүй л өвс харагдаад байх юм. Хэдхэн хоногийн өмнө 4500 төгрөг байсан. Жаахан цас хаялахаар үнээ нэмчих юм аа. 4500 төгрөгөөр зарна гэвэл 50 боодол өвс авлаа” гэв. Тэдний дэргэд цугларч байсан өвсний худалдаачид “Өө тэгвэл бидэнд ямар ашиг гарахав дээ. 200-300 км, зарим нь 500 гаруй км-ийн алсаас 4000 төгрөгөөр худалдаж аваад, бензин тосоо гарздан, цаг зав, хөлс хүчээ шавхан байж авчирсан жаахан өвсөө 500-хан төгрөг нэмээд зарна гэж юу байхав”, “Энэ боодолтой өвснүүд чинь өөрснөө тэвшин дээр үсэрч гараад, татлаган дор орчихгүй. Дор хаяж 150-200 мянган төгрөг болж байж чиргүүлтэй машин дээрээ ачуулдаг. Дээр нь шатахуун, хоол ундны мөнгөө нэмбэл бараг 4500 болчихно. Тэгэхээр 5000 төгрөгөөр зарж байж, 500 төгрөг нь бидэнд ашиг болж ирдэг юм” гэцгээн өөр өөрсдийн ачааны машин руугаа явцгаав. Ийнхүү “4000 төгрөгөөр тооцоод мөнгөө аваад ирсэн чинь 50 боодол өвс авахад хүрэхгүй нь бололтой. Тэгэхээр 40 боодлыг л авъя даа. Ачааны машин хөлслөөд ирье” гээд мөнгөө тоолж өгчихөөд явцгаав.

“Хоёр үхрийг 200 боодол өвсөөр сольё”

Тэвшин дээрээ хоёр үхэр ачсан Сэлэнгэ аймгийн дугаартай портер орж ирлээ. Хар бор ажилд өмсдөг болов уу гэмээр өнгө нь гандсан хөвөнтэй дээлтэй, 50 гаруй насны махлаг эр бууж ирснээ өвсний үнэ сураглав. Тэрбээр “Ах нь хөдөөнөөс шууд орж ирлээ. Нэг нь шүдлэн, нөгөө нь хязаалан тарган эр үхрүүд байгаа юм. 200 боодол өвсөөр сольчихмоор байна. Өнгөрсөн намар манай нутгаар гантай, хур бороо оройтож ороод газрын гарц тааруу. Эмгэн бид хоёр хүн бүлгүй учраас нутаг алгасаж, хадлан тэжээлээ бэлтгэж чадаагүй. Ямар сайндаа л үхрээ муулж чадалгүй амьдаар нь ачаад явж байхав. Хот хүрээнд ажил төрөлтэй үр хүүхдүүдээ ямар хадлан аваад өг гэж дуудалтай биш. Өвсөө манай үхрээр сольчихвол алдах юмгүй шүү” гэвэл өвсний ченжүүд тэвшин дээрх үхрүүдийг нь хэдэн талаас нь сонжин харснаа “Махны үнэ хямдраад байхад хоёрхон үхрийг бүхэл бүтэн 200 боодол өвсөөр солино гэж юу байхав дээ. Одоо үхрийн мах бөөндөө 3000 төгрөг л байгаа даа. Тэгэхээр нэг нь чүү ай 300 мянган төгрөг хүрнэ гэвэл хоёр үхэр 600 мянга болно. Харин 200 боодол өвс нэг сая төгрөг. Бидэнд алдагдалтай юм аа. Тэглээ ч бид бэлэн мөнгөөр л зарна” гэлээ. “Тэгвэл 600 мянган төгрөгөөр тооцоод, өвсөөр сольчихъё” хэмээн гуйх аргадахын завсар асуувал “Ах минь дээ, бид чинь өвс худалдаалдаг болохоос махны ченж биш. Та махны үйлдвэр эсвэл ченжүүдэд үхрээ худалдчихаад мөнгөө барьж ирээд өвсөө ав даа. Өвснийхөө оронд үхэр аваад бид нар бас ямар унаагаараа хаашаа зөөх билээ. Өөрснөө муулж чадахгүйгээс хойш хүн амьтанд тав арван цаас өгч л гаргуулна. Тус бүрээс нь 100 кг мах гараач уу үгүй ч үү, нэг кг нь 3000-аа бариа ч уу үгүй ч үү” гээд халгаасангүй. Өнөөх махлаг эр дээлийнхээ өврөөс утсаа гаргаж ирснээ “Хоёр үхрийг 200 боодол өвсөөр солихгүй гэнээ. Бэлэн мөнгөөр л зарна гэнэ. Өнөө орой Галдангийнд хоноод, өглөө эртхэн муулаад, махыг нь заръя даа. 100 боодол өвсний мөнгө гарах нь уу үгүй юу. Чи тэгэхээр наашаа ирэх гэсний хэрэггүй. Ганц миний машинд ачаад болчих юм байна” хэмээгээд утсаа салгаснаа өөр дугаар руу залгаж “Малаа муулахаар боллоо. Өвсөөр шууд солихгүй гэнэ. Гэдэс дотрыг нь Сараа эгчийнд өгчихье. Тэгнэ ээ тэгнэ” гээд хэдэнтээ толгойгоо дохисноо утсаа салгав. “За ах нь амжвал маргааш (өнөөдөр), амжихгүй бол нөгөөдөр (маргааш) ирж хэдэн боодол өвс авъя даа. Бас хэдэн шуудай хивэг олж авъя” гээд гарч одов.

“Өндөр хүчдэлийн шугамын дор өвс зарах нь галын аюултай юм байхаа. Тэгвэл бидэнд өвс худалдаалах өөр газар гаргаад өг. Нүүхэд бэлэн” гэв

Ж.Батбаатар “Иргэдийн, тэр дундаа малчдын худалдан авах чадвар эрс муудсан. Малынх нь арьс нэхий үнэгүй шахуу, мах нь хямд болохоор арга ч үгүй биз. Энэ өвгөн шиг ч малаар өвс сольё гэж саяхан хэд хэдэн малчин, уяач нар ирсэн. Би сүүлийн тав, зургаан жил өвс зарж байна. Гэхдээ энэ жилийнх шиг “Малаар өвс сольё. Бэлэн мөнгөгүй байна” гэсэн үгийг малчдын амнаас сонсож байгаагүй.” гэвэл Б.Гандагва “Бүр сумын төвийн хашаа байшингийнхаа гэрчилгээг бариад, зээлээр авъя гэж хүртэл ирсэн. Ядаж байхад банкнаас гурваас дээш сая төгрөгийн зээл өгөхгүй байгаа юм билээ. Энэ мөнгө нь ганц хүүхдүүдийнх нь сургуулийн төлбөр, хичээлийн хэрэглэлд ч хүрэхгүй. Тэдний зовлонг хэдий ойлгож байгаа ч байгаа өвсөө өгчихөөд, хашаа байшингийн гэрчилгээ тэвэрч үлдвэл бид эргэлтийн мөнгөгүй болчихно шүү дээ. Ер нь энэ жил ихэнх нутгаар, тэр дундаа Улаанбаатарын ойролцоох Төв, Сэлэнгэ зэрэг аймгийн нутгаар зуншлага тааруу, газрын гарц муу байлаа. Бидний зарим нь орон нутгаас өвс худалдаж аваад энд борлуулдаг бол залуус хөлсөлж өвсөө хадуулж, тэнд нь хадгалж байгаад 400, 500 боодлоор нь хотод авчраад зардаг нь ч бий. Хэн хэнийх нь хувьд гардаг зардал ялгаагүй. Нэг боодол өвс бэлтгэх эсвэл худалдан авахдаа 3500-аас 4000 төгрөг зарцуулдаг учраас нэг боодлыг нь 5000 төгрөгөөр зарахаас өөр аргагүй” гэсэн юм. Тэрбээр Хэнтий аймгаас арваад га талбайгаас 3000 боодол өвс хаджээ. Одоогоор 1000 гаруй боодлыг нь борлуулаад байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан дүн аж.

Өвсний захын дээгүүр өндөр хүчдэлийн шугам татагдсан учраас тэднийг энэ газраас хөөх болжээ. А.Эрдэнэ-Очир “Бид чинь эхлээд Моносын уулзвар дээр өвсөө зардаг байж байгаад тэндээсээ хөөгдөөд энд ирсэн. Тэгтэл өндөр хүчдэлийн шугамын дор өвс заруулахгүй гээд Баянгол дүүргийн мэргэжилтнүүд нүүхийг сануулсан. Энэ нь гал түймрийн аюултай юм байх аа. Хэрэв биднийг энд өвс заруулмааргүй байгаа бол зарах газрыг минь албан ёсоор зааж өгөөд, хашаалаад өгчих юм бол бид нүүхэд бэлэн байна” гэвэл “Бас замын цагдаа нар хууль дүрмээр далайлган биднийг торгож, хохироодог” гэсээр М.Эрдэнэмөнх ярианд оролцов. Тэрбээр “Бидний ихэнх нь Оросын ЗИЛ-130 машинаар өвсөө тээвэрлэдэг. Өөр дээр нь 250, чиргүүл дээр нь 250 гээд нийт 500 боодол ачихаар газраас дээш таван метр болчихож байгаа юм. Тэгтэл шинэ дүрмээр бол дөрвөн метр хагасаас хэтрүүлж болохгүй гээд заачихсан. Хэтрүүлбэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 200-гаад мянган төгрөгөөр торгоно. Хэрэв дөрвөн метр хагасаар нь ачвал бидэнд ямар ч ашиггүй болчихно. Тэгээд ч машины даацаа хэтрүүлж, тэвшнээс нь хоёр тал руу нь илүү гаргаж ачаагүй шүү дээ” хэмээн бухимдангуй хэлэв.

Буцах замдаа таван шар дахь зам дагуух малын тэжээл хивэг борлуулдаг газраас үнийг нь сонирхлоо. “Улаанбаатар гурил” компанийн болон Оросоос орж ирж буй 25 кг-ийн шуудайтай хивэг 9500 төгрөг бол Алтан тариагийнх 10500 төгрөг. Том шуудай овъёос болон хорголжин тэжээл тус бүр 18 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Харин нэг шуудай тэжээлийн будаа мөн 18 мянган төгрөгийн ханштай байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Өндөр халуурч, гүйлгэдэг ханиад хүүхдүүдийн дунд түгээмэл байна

Жил бүрийн өдийд ханиад томууны дэгдэлт газар авдаг. Тэр дундаа хүүхдүүдийн өвчлөл эрс нэмэгдэж, дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Харин энэ жилийн хувьд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл хэр байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг зорилоо.

Нэгдүгээр давхар дахь хүүхдийн тасгийн яаралтай тусламжийн хэсэг буюу хүлээн авах өрөөгөөр орлоо. Биднийг очих үед Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн С.Дорж өөрийн хүү болох хоёр настай Д.Амин-Эрдэнийг эмчид үзүүлж байсан юм. “Хүү тань ямар зовиуртай байна вэ” хэмээн эмч асуухад тэрбээр “Бүтэн сар гаруйн өмнөөс ханиалгаж эхэлсэн. Өрхийн эмчийн бичиж өгсөн эмийг хэрэглээд хэдхэн хоног гайгүй болчихно. Тэгснээ маргааш нөгөөдрөөс нь ахиад л ханиалгана.

Цэцэрлэгт нь ханиадтай хүүхэд олон болохоор арга ч үгүй биз. Ханиалгаж эхлэх бүрт нь эмчийн бичиж өгсөн эмийг тунгаар нь өгөөд эдгээчихдэг байсан чинь сүүлдээ эмэндээ дарагдахаа больсон. Өчигдрөөс (уржигдар) эхлэн өндөр халуурч, бөөлжиж бас гүйлгэж эхлэхээр нь эмнэлэгт үзүүлэхээр ирлээ. Өөрт нь зовиуртай байгаа бололтой, уйлагнаад болохгүй юм” гэв. Хүүгийн биеийн халуун, зүрхний цохилтыг хэмжин, биед илэрч буй зовиур зэргийг асуусны эцэст яаралтай эмнэлэгт хэвтүүлэхээр болов. Тэр даруй хүүхдийн тасгийн сувилагч Ц.Сумъяа хүлээн авах өрөөний гадна сууж байсан С.Доржийн ээж Г.Сийлэгмаа гуайд “Д.Амин-Эрдэнийн эмээ мөн үү. Та хувцсаа соль. Ач хүү тань эмнэлэгт хэвтэхээр болсон. Та сахих юм байна, тийм үү” гэвэл Г.Сийлэгмаа “Тийм ээ, одоохон хувцсаа сольчихъё” гээд хувцас солих өрөө рүү оров. Д.Амин-Эрдэнийн дүү, дөрөвхөн сартай Д.Ариун-Эрдэнэ уржигдархан бас эмнэлэгт хэвтжээ. С.Дорж “Дүү нь нэг хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн. Бас л идсэн зүйлээрээ бөөлжиж, ханиалгаад байсан. Хоолой нь өвдөөд, сүүлдээ бүр хөхөө хөхөж чадахгүй болсон. Ах дүү хоёрын нэг нь ханиадтай бол нөгөөдөө амархан халдчих юм. Ямар ханиад хүрчихсэн юм чинь дүү рүүгээ битгий ойртоод бай гэлтэй биш. Нэг харахад л дүүгээ үнсээд зогсож байгаа болохоор дүүдээ ханиад халдаачихсан байх аа” гээд санаа алдав.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн дөрөв, тавдугаар давхарт хүүхдийн тасаг нь байрладаг аж. Биднийг дээш гартал Г.Отгонболор өөрийн нэг настай охиноо аваад эмнэлгээс гарах бэлтгэлээ хийж байлаа. Энэ сарын 12-ноос хэвтэн эмчлүүлж, бүрэн эдгэрсэн учраас ийн эмнэлгээсээ гарч буй аж. Охиных нь хоолой улайж, амьсгалахад ихэд зовиуртай болсон учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Г.Отгонболор “Энэ сарын эхээр охины минь хоолой өвдөөд, амьсгалахад цээж нь шуугих болсон. Ингээд 5-нд хэсгийн эмнэлэгтээ үзүүлж, эм бичүүлж авсан. Бараг арваад хоног эмчийн зааврын дагуу эм уулгасан даа. Бие нь дээрдэж байсан ч нэг шөнө унтаж байхдаа хучлагаа тийрч яраад даарснаас хойш бие нь эргээд муудсан. Бүр амьсгалахдаа хүртэл их зовиурлан уйлагнахаас гадна гүйлгэж, шингэн алдаж эхэлсэн. Ингээд тэр өдрөө буюу 12-нд эмнэлэгт хэвтсэн. Ашгүй эмч нар яаралтай, сайн эмчилгээ хийсний хүчинд долоо хоног эмнэлэгт хэвтээд, өнөөдөр (өчигдөр) эмнэлгээс гарч байна” гэсээр охиноо тэврээд цахилгаан шатанд суутал зөрөөд тор дүүрэн чихэр жимс барьсан залуу гарч ирлээ. Түүний ой зургаан сартай охин ханиад хүрээд эмнэлэгт хэвтсэн бөгөөд эхнэр нь сахиж байгаа юм байна. “Цайны цагаараа хүрээд ирлээ. Гараад ир” гээд утсаа салгачихав. “Охин чинь ханиад хүрээд эмнэлэгт хэвтчихсэн юм уу” гэвэл Р.Оюунбаатар “Харин тийм ээ. 10-аад хоногийн өмнөөс амьсгаадаад, цээж нь хэржигнэж эхэлсэн. Тэгэхээр нь өнгөрсөн хагас бүтэн сайнд содатай усаар утаад, бичиж өгсөн эмийг нь хэрэглэсэн ч тус болоогүй учраас өнгөрсөн даваа гаригт хэвтсэн. Ашгүй оочер дараалал гэлтгүй шууд хэвтүүлсэн шүү. Одоо анх ирснээ бодвол бие нь хамаагүй дээрдэж байгаа” хэмээн биднийг ярилцах зуур түүний эхнэр охиноо тэврээд гарч ирэв.

Ер нь дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг ачаалал багатай байгааг эмч нар хэлж байсан юм.

Өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад энэ жил хүүхдийн өвчлөл, тэр дундаа ханиад томуугийн тархалт харьцангуй бага байгаа гэдгийг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч Д.Мандахгэрэл хэлсэн юм. Тэрбээр “Манай эмнэлгийн хүүхдийн тасаг 80 ортойгоос өнөөдөр хэд хэдэн сул ор байгаа нь өмнөх жилүүдтэй харьцуулахад ачаалал арай бага гэсэн үг. Гэхдээ ачаалал нэмэгдвэл илүү ор байхгүй гээд зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтэй хүүхдээ эцэг эхэд нь тэврүүлээд буцаалтай биш эмнэлэгтээ хэвтүүлдэг. Өнгөрсөн жилийн өвөл хүүхдийн тасагт 80-аас олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлага гарсан учраас хоёрдугаар давхар дахь мэдрэлийн тасгаа суллаж, өвчтөн хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилсэн. Ингэснээр нийт 150 ортой болгож, эмнэлгийн хүртээмжээ нэмэгдүүлсэн. Энэ жил ч гэсэн шаардлагатай бол ийм зохицуулалт хийнэ” гэв. Мөн тэрээр “Сүүлийн үед ханиад хүрээд, богино хугацаанд амьсгал нь боогдон, бачуурч, өндөр халуурсан зовиуртай олон хүүхэд хэвтэн эмчлүүлэх болсон. Үүнээс гадна гэдэс нь хямарч, гүйлгэх шинж тэмдэг илрэх болсон. Ийм шинж тэмдэг илэрвэл эцэг эхчүүд нэн даруй өрхийн эмнэлэгтээ хандах ёстой. Ажлын бус цагаар бол дүүргийнхээ хүүхдийн түргэн тусламжийг дуудах хэрэгтэй. Түүнээс биш дур мэдэн янз бүрийн антибиотик эм өгч болохгүй. Эцэг эхчүүд хүүхдэдээ ямар эм тариаг нас, жинд нь хэрхэн тохируулж хэрэглэхээ мэддэггүй шүү дээ. Нөгөө талдаа эмийн санч ч гэсэн ханиалгаад байгаа юм аа гэнгүүт “Үүнийг уу” гээд эм бичээд өгчихдөг нь маш буруу. Бага насны хүүхдэд эм зарж байгаа тохиолдолд зайлшгүй эмчийн бичиж өгсөн жорын дагуу олгох шаардлагатай байна. Ер нь бага насны хүүхдийн эмчилгээний үр дүн дан ганц эмч, сувилагчаас хамаардаггүй. Давхар асран хамгаалагч, эцэг эхчүүдийн нөлөө чухал үүрэгтэй. Наад зах нь ханиад нь хүндрээд хатгаа тусчихсан хүүхдийг эмнэлгээс гарахдаа дулаан хувцаслалгүй авч гараад, гэртээ амин дэмээр баялаг хоол өгөөгүй зэргээс болоод дахин өвчлөх магадлал өндөр болдог жишээтэй. Хамгийн гол нь эцэг эхчүүд дархлаажуулалтын вакциныг тухай бүрт нь хийлгэвэл бага насны хүүхэд элдэв өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс бууруулдаг” гэв.

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс гарч Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийг зорилоо. “Энэ намар гэдэсний халдвартай хавсарсан ханиадаар бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байсан бол өнгөрсөн долоо хоногийн сүүлээр цас орсноор энэ төрлийн буюу суулгалттай хавсарсан ханиад намжиж, эргээд хүүхдийн ангень буюу хоолой барьсан ханиад, хатгаа идэвхжих хандлага ажиглагдаж байна” гэх мэдээллийг эмч нар нь өгсөн. Түүнчлэн ачаалал ч хэвийн байгаа талаар давхар дуулгасан юм. Тус эмнэлгийн хүүхдийн тасаг 120 гаруй ортой бөгөөд нэлээд олон ор сул байлаа. Үнэхээр ч зарим тасгаар ороход дөрвөн ортой өрөөнд гурван хүүхэд, хоёр хүүхэд хэвтсэн байгаа харагдав. “Урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авсан учраас бага насны хүүхдийн өвчлөл харьцангуй бага байна. Ер нь эцэг эхчүүд дархлаажуулалтын вакциныг цаг алдалгүй хийлгэвэл өвчин тусах магадлал эрс багасдаг” гэсэн юм.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Дуудлага худалдаа

“Эмпати-Ертөнц” компанийн эрхлэн гаргадаг “Сургамжит өгүүллэгүүд”
номыг энэ удаагийн “Ном ярьж өгье” буландаа онцолж байна. Номд багтсан өгүүллэгүүд
англи, монгол хэлээр бичигдсэнээс гадна зарим англи үгийг орчуулж, дор нь
хадмалаар хэвлэснээрээ онцлог юм. Тиймээс сэтгэл хөдөлгөм сургамжит өгүүллэгүүдийг
уншихын сацуу англи хэлний мэдлэгээ ч дээшлүүлэх боломжтой аж. Энэ номд багтсан
50 гаруй өгүүллэгээс энэ удаад “Дуудлага худалдаа”- г онцлон хүргэж байна.

Нэгэн баян эр амьдардаг байв. Түүний эд хөрөнгө сая сая
доллараар үнэлэгдэх бөгөөд байшин, барилга, газар, хуучны үнэт эдлэл, мал
амьтан гээд бүхий л юм байжээ. Гаднаасаа тэр хичнээн элбэг хангалуун, дутагдах
гачигдах зүйлгүй харагдах боловч дотроо их л гунигтай явдаг байлаа. Учир нь баян
эр, түүний эхнэр хоёул голомт залгах үр хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан ч
цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хосууд хүүхэдтэй болох боломж багасна гэдгийг эмч
нар ч хэлдэг байв. Гэтэл гайхамшигт тохиолоор ахимаг насандаа эхнэр нь хүүхэд
олж, тэд хүүтэй болжээ.Харамсалтай нь хүү нь тахир дутуу төржээ. Гэсэн хэдий ч
баян эр хүүгээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрлаж, халамжилдаг байв. Харин хүүг
таван нас хүрэх үед ээж нь өөд болжээ. Тэгэвч баян эр хүүтэйгээ урьдынхаасаа илүү
дотно байх болж, өдөр бүр тойглон асрах болсон байна. Харамсалтай нь, хүү төрөлхийн
өвчнийхөө зовиурыг дийлэлгүй 13 настайдаа хорвоог орхижээ. Удалгүй нас өндөр
гарсан баян эр ч нас баржээ.

Ингээд баян эрийн үлдээсэн эд хөрөнгө, эртний эдлэлийг зарахаар
болж, дуудлага худалдаа зохион байгуулав. Дуудлага худалдаа болох сургаар олон
хүн цугларч гэнэ. Дуудлага худалдаагаар хамгийн эхлээд баян эрийн хүүгийн
зургийг зарав. Өвчтэй, эрэмдэг хүүгийн зургийг хэн ч авахыг хүссэнгүй. Дуудлага
худалдаанд оролцогчид үнэ цэнтэй, чамин агаад бусдад зарсан ч дундаас нь ашиг
олохоор эд бараа авахыг хүсч байсан учраас тэрхүү зургийг ер анзаарсангүй.
Эцэст нь баян эрийн гэрт үйлчлэгч хийдэг байсан ядмаг эмэгтэй таван доллараар
зургийг худалдан авав. Гэтэл бүхнийг гайхшируулж бас харамсуулах зүйл болжээ. Хүүгийн
жаазтай зурагны араас гэрээслэл гарч иржээ. Гэрээслэлд ийн бичжээ. “Хүүг минь өрөвдөх,
санах сэтгэл гарган зургийг нь авсан тэр хүнд би бүх өв хөрөнгөө өвлүүлж үлдээж
байна” гэсэн байв. Ийнхүү дуудлага худалдаа өндөрлөж, сувдаг сэтгэлт дамын
наймаачид, баян чинээлэг иргэд гар хоосон таран одоцгоосон бол ядруухан
амьдралтай хүнлэг сэтгэлтэй үйлчлэгч эмэгтэй их хөрөнгийн өв залгамжлагч болсон
юм.

Энэхүү богино өгүүллэг нь хэн бүхний нандигнан дээдэлдэг үнэт зүйлс
өөр болохыг маш энгийнээр харуулжээ. Тухайлбал, зураг дээрх хүүхдийг огт хараагүй,
танихгүй хүн хэдхэн цент байсан ч худалдан авахгүй зураг төрсөн эцгийнх нь
хувьд хамгийн үнэт зүйл байх нь гарцаагүй. Тэгээд ч аливаа зүйлсийн үнэ цэн дан
ганц түүнийг хийхэд орсон материал сэлтээс хамаардаггүй болохыг тус өгүүллэг
давхар гэрчилжээ. Тэрхүү зургийг авахуулахад зурагчинд төлсөн мөнгө, жаазны өртөг
таван доллар хүрэхгүй ч байж мэднэ. Зургийг худалдан авахгүй л бол хог дээр
хаях байсан учраас гэрийнх нь тоос шороог цэвэрлэж, олсон цалингаараа амьдралаа
залгуулдаг байсны хувьд тэрхүү үйлчлэгч нэг ёсны буян үйлдсэн гэхэд болно.
Тэрбээр бага цалингаар их ажиллуулдаг, олон удаа загнаж зандарсан гэх зэргээр
нэхэн санаж, бусдын адилаар тэрхүү зургийг тоолгүй өнгөрч болох л байсан. Гэсэн
ч үйлчлэгч эмэгтэй өр нимгэн сэтгэл гарган, зургийг худалдан авснаараа
амьдралаа үндсээр нь өөрчилсөн билээ. Тэгээд ч нэгнээ гэх өрөвч сэтгэл, хайр
энэрэл эд баялгийг дуудахаас бус эд баялаг аугаа хайр, итгэл сэтгэлийг дууддаггүй
гэдгийн тод илрэл энэ болов уу.

М.Ууган-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Айргаараа алдартай ХОТОНТ

Хангайн нурууны их уулсын зүүн захын шувтарга, Орхон голын хөндий дэх байгалийн хосгүй өвөрмөц, нандин тогтоц бүхий Жарантайн голын сав газар засаг захиргааны нэгжийн хувьд Архангай аймгийн Хотонт сум харьяалагддаг юм. Чухам энэ л газар шороонд тарьсан бүхэн нь ургаж, энд идээшилсэн мал хуй түм бумаараа өсдөг. Сүрлэг уулс, уужим тал, ногоон ой төгөл, тунгалаг гол мөрнүүд ингэж нэг дор цогцолсон сум суурин тун ховор.

Ардын хувьсгалын анхны долоогийн нэг С.Данзан Хотонт сумын уугуул

Сумын төвийн хамгийн өндөр барилга нь хоёр давхар сургууль юм. Тийм ч болохоор өөр сум орон нутгаас хүн ирэхэд гэр орноо эсвэл дэлгүүр хоршоо зааж өгөхдөө “Тэр өндөр барилгын баруун доод буланд бий”, “Өндөөр гэгчийн цагаан барилга харагдаж байгаа биз. Энэ чинь манай сургууль. Манайх сургуулийн урд талын гудамж” гэх зэргээр ярьж байхыг би нэг бус удаа сонсож байсан. Сургууль, захиргаа, эмнэлэг, дотуур байр, цагдаагийн хэлтсийн эргэн тойронд сумынхан хашаа хатгаад, төвхнөжээ. Миний мэдэхийн сүүлийн арав гаруй жил сумын төвд хүнсний дэлгүүр л шинээр баригдсанаас бус өөр “барилгажилт” явагдаагүй. Сургуулийн өмнөх талбайд төрийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын намын анхны дарга С.Данзангийн хөшөөг 2000 оны эхээр босгосон юм. С.Данзан бол Хотонт сумын уугуул бөгөөд 1885 онд хуучнаар Сайн Ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошуунд мэндэлсэн байдаг. Хөшөө босгосны дараахан монгол хэл уран зохиолын багш С.Уранчимэг сурагчдадаа “Хичээл номдоо шамдаж, сайн сурах хэрэгтэй. Хамгийн гол нь сурч мэдсэнээ сайн сайхны төлөө, зөв зүйлд зарцуулах ёстой. Ингэвэл өөрийн нэртэй хөшөөг, төрсөн нутагтаа сүндэрлүүлж, алдар гавьяагаа мөнхөлж болдгийн тод жишээ бидний хажууханд байна. Тэгэхээр энэ хөшөө зүгээр ч нэг амьгүй хүрэл биш болж таарч байгаа биз” гэж билээ. Үүний дараагаас ангийнхан маань хичээл номдоо маш сайн шамдацгаах болсон сон.

Хотонт хэмээсний учир

Сумын төвийн зүүн хойхно дүнхийх, ой мод бүхий уулыг Хотонт хэмээн нэрийднэ. Сумынхан уулаа жил бүр тахина. Сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээснээр Хотонт уулын эртний нэршил нь Дулаан уул юм. Уулынхаа араар шигүү ой модтой, орой хэсэгтээ үхэр чулуу, хадат хавцалтай бол өвөр хэсэг нь эгц доош уруудсан тогтоцтой юм. Тухайн бүс нутагт өвөл болон хаврын эхэн сард ихэвчлэн зүүн хойноос салхитай байх тул уулын урд хэсэгт нөмөртэй дулаан байдаг аж. Тиймээс ч нутгийн ардууд Дулаан уул хэмээж, нөмөрт нь олон зууны турш өнтэй өвөлжиж, хаваржсаар өнөөг хүрсэн. Харин манай эриний долдугаар зуунд Уйгарын есөн овог аймаг нэгдэж, Түрэгийн эсрэг тууштай тэмцэн, ялалт байгуулж улмаар МЭ 745 онд өөрийн хаант улсыг төвхнүүлсэн байдаг. Үүнээс 100 гаруй жилийн дараа Уйгар зэргэлдээх нүүдэлчин киргизүүдэд ялагдаж нийслэл болох Ордубалыкаа шатаалган, сүйтгүүлжээ. Тус Ордубалык хотын туурь бол өнөөдрийн Хотонт сумын нутаг дахь Хар балгас юм. Уйгарын ихэнх иргэд баруун зүгт зугтсан боловч ганц хоёрхон овог аймаг киргизүүдийн харгис дарлалыг үл ажран буйраа сахиж үлдсэн гэдэг. Тэд ухаан төгс Дой хатнаар удирдуулсны хүчинд тодорхой хэмжээний алба татвар өгөхөөр киргизүүдтэй тохиролцон, мал хуйгаа хураалгаж, хүн ардаа сүйтгүүлэлгүйгээр зэрэгцэн аж төрсөн аж. Тийм ч учраас харь солгой дайсан нь Дой хатныг хүндэлж, нэгэн нуурын хөвөөн дэх орд харшид амьдруулж байжээ. Хожим тэрхүү нуурыг Дойтын цагаан нуур гэх болжээ. Хатныг тэнгэрт халихад ойр хавийн хамгийн өндөрлөг газар болох Дулаан ууланд оршуулсан гэнэ. Үүний дараагаар дулаан уулыг Хатант хэмээх болсон аж. Цаг хугацаа хуучрахын хэрээр Хатант уул хэмээх нэршил Хотонт болж өөрчлөгдсөн гэдэг. Түүнчлэн газар зүйн байршлын хувьд Хотонт уул сумынхаа төв хэсэгт байрладаг нь ийн нэрлэхэд багагүй нөлөөлсөн болов уу. Хотонт уулаас гадна Дэлгэр Хайрхан, Цагаан Уул, Сант-Уул зэрэг нутгийн олны сүслэн тахьдаг уулс олон бий.

Зуугийн багш, Зуугийн гэгээнтэн зэрэг эрдэм төгс хутагт хувилгаад энэ нутгаас л төрөн гарсан

Шарын шашин Монголд ид дэлгэрч байх үед Хотонт суманд олон ч хутагт хувилгаан тодорч, сүм хийдүүд шинээр баригдаж байжээ. Энэ нь тухайн үеийн шашин мөргөлийн гол төв болох Эрдэнэзуу хийд хаяа залган оршиж байсантай ч холбоотой байж болох. Зуугийн багш, Зуугийн гэгээнтэн нар нь хүүхэд ахуйдаа Эрдэнэзуу хийдэд шавилж, ухаан мэдлэгээрээ онцгойрон шалгарч, хожмоо Түвдийн Далай ламтай ном хаялцаж явсан гэдэг. Арванесдүгээр зууны үед гэдэс дотор, үе мөчний өвчинд тустай нэгэн рашааны эхэнд томоохон эргэл мөргөлийн хийд болох Цагаан сүмийг байгуулж байсан ч харамсалтай нь их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тус сүмийг нурааж, лам нарыг нь буудан хороосон талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Үүний дараагаар нэр нь тодорхойгүй өнөөх халуун рашааныг Цагаан сүмийн хэмээн нэрлэх болжээ. 1980-аад оны дундуур сүмийн тууринаас цан хэц, хэнгэрэг, лам нарын хэрэглэж байсан мөнгөн домбо, аяга, үнэт хаш чулуун хөөрөг тэргүүтэй эд өлгийн зүйлс олдсон байна. Харамсалтай нь ихэнх эд хогшлыг нь ойр хавийн иргэд тоноод дуусгасан гэдэг. Харин сумын төв дэх хийдийн балгасыг 1990-ээд онд хамба лам Д.Доржцэвээн сэргээн босгож, хуучин нэрээр нь буюу Дашгэмпэлийн хэмээн нэрлэж, өнөөдрийг хүртэл сүсэгтэн олны чуулдаг буяны өргөө хэвээр. Энэ тухайд миний өвөө Д.Дэмбэрэлнямбуу “Сүрэг хонио гэхээсээ атганд багтах мөнгөн бурханаа эрхэмлэн, гэрийн хогоо шүүрдэхээс урьдаж бурханыхаа тоосыг арчдаг байлаа даа. Амьтны амь хороох, бусдад гэм учруулах, хуурч мэхлэх, худлаа ярьж, хулгай хийнэ гэдгийг бурханы шашинд байж боломгүй нүгэл гэж номлосон учраас элэнц өвөө, эмээ минь бид нарт үргэлж л нүглээс хол явахыг сануулна. Бид ч үгнээс нь гарахгүй. Үүний хүчинд элдэв хэрэг төвөг гарахгүй, амар амгалан аж төрдөг байсан сан. Өөр сум оронд бусдын аминд хүрсэн гэнэ ээ гэх жигшүүрт явдлыг явуулын хүнээс дуулаад “Ээ бүү үзэгд, бурхан гончигсум минь” гээд алгаа хавсраад духандаа хүргэнэ. Хэрэв ингэх л юм бол дөнгөж хэлд орсон хүүхэд ч хүртэл жижигхэн бумбагар гараа хавсарч нийлүүлээд духандаа хүргэнэ. Нарийн учрыг нь мэдэхгүй ч цаагуураа болохгүй, бүтэхгүй зүйл тохиолдсон болохыг зөнгөөрөө мэдэрдэг. Харин томроод ухаан суугаад ирэхээр багадаа зөнгөөрөө мэдэрч асан тэр зүйл нь санаа сэтгэлээс нь ер арчигддаггүй. Ингэж л бидний үеийнхнийг номхон хүлцэнгүй болгосон. Үүнд оносон нь ч бий, алдсан нь ч бий. Гэхдээ оносон нь хавьгүй их” хэмээн хуучилж билээ.

Гантай зун Цагаан сүмийн голын хөндий, зудтай өвөл Цохиот ууландаа малаа бэлчээдэг

Хотонт сумын Хүйсийн овооноос эхтэй горхи Цагаан сүмийн голтой нийлж, сумын төвийн урдуур урсана. Тус голын эрэг дагуух ногоон ширх, зүлгэнд жилийн аль ч улиралд мал тааваараа идээшилнэ. Барагцаалбал 50 гаруй км үргэлжлэх учраас зэргэлдээх сумдын мал хуй ч орж ирэх нь бий. Зун ган болсон ч энд хүмүүл, хүнхээл, зэрлэг жууцай зэрэг шим тэжээлт төрөл бүрийн ургамал ногоо өтгөн ургана. Тиймдээ ч нутгийн уугуул малчид цагаан сүмийн голыг “Ногоон үелзээ” гэх нь ч бий. Хатсан өвс, гандуу цэцэгс бүхий шаргал хөндийгөөр ногоон зураас татуулан өвс ургамал нь халиурдаг болохоор тэгээ биз. Харин өвөл цас их унасан ч дэрс нь халиурч, зэгс нь ногоорох Цохиот уул гэж бий. Бэлээрээ эгц өндөр хэдий ч орой хэсэгтээ ширээ мэт тэгшхэн тал бүхий энэхүү ууланд ой модноос гадна хад асга, эгц цохио элбэг. Тийм учраас ч өвлийн их цас, тэсгим жавраас өвс ногоог нөмөрлөдөг биз. Гэхдээ өнтэй өвөл тэнд малаа хонио хариулах нь бүү хэл адуугаа туугаад ч дайрч өнгөрдөггүй санагдана. Нагац ахын “Жил бүр тийш нь малаа тууж гаргачихаад, гэртээ гэдсээ илээд хэвтвэл ирэх онд нь модоо барихын цондон” гэж хэлсэн нь угтаа бэлчээрээ сэлгэж, үржил шимийг нь алдагдуулахгүй гэх малчдын ухааныг энгийнээр тайлбарласан нь тэр байж. Өнөөх арав гаруй жилийн өмнө тохиосон айхтар мичин жилийн зуднаар Цохиот, түүний салбар уулсаар малаа хариулсан тулдаа хохирол багатай давсан гэдэгсэн. Бүр доголон хурганы гарзгүй, зудыг сөрөн гарсан малчид цөөнгүй байсан аж. Энэ тухайд манай эмээ “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэдэг нь чухам байгалийн онц аюултай үзэгдэл тулгарахад нэгдэн нийлэхийг хэлж байгаа хэрэг. Мэдээж мал хуйгаа бүрэн бүтнээр нь авч үлдэхийн төлөө. Арав гаруй жилийн өмнөх мичин жилийн зуднаар гэрийн ханатай чацуу цас орж, тооноороо гэр лүүгээ орж, гарч байлаа. Тийм байхад бэлчээрт гаргалгүй хадлангийн өвсөөр хашаанд нь тэжээнэ гэвэл ганц сараас хэтрэхгүй. Өвлийн сар нэг биш шүү дээ. Үргэлжлүүлээд хаврын гурван сар байдаг. Нэг орой саахалт өвөлжиж байсан айлын хүн манайд ирээд “Хамтын хүчээр зудыг давахгүй бол горьгүй нь. Самдан, Тоорил хоёрынд сая очоод ирлээ. Тэр хоёр энэ хавийн хотныхныхоо малыг бөөгнүүлж, Цохиот уул руу гаргая гэж байна. Адуу үхрээ урд нь гаргаж туугаад мөрөөр нь шүдлэнгээс дээш насны хонь ямаагаа туугаад явъя. Харин төлөг, борлон, бяруу, даага болон зарим тамир муутай малаа хотондоо үлдээчихье. Тэднийгээ өвсөөрөө тэжээгээд хавартай золгочихно. Цохиот ууланд гаргасан хойно малаа ээлжлээд хариулчихъя. Чи юу гэж бодож байна” гэж өвөөгөөс чинь асуухад “Тэгэлгүй яахав дээ. Юуны тулд айл саахалт билээ дээ. Маргааш хажуухан энгэр дээр малтсан цасан дотор зогсоо морьдоо хотондоо оруулъя. Дунд жалгын цасыг ч дээрээс нимгэлж байя. Урд талын цагаан хошууны үзүүр хүртэл цас нь арай нимгэн юм билээ. Тэнд нөгөөдөр үдээс хойш малаа бөөгнүүлье” гэснийг би тодхон санадаг юм” гэсэн юм. Хоёр гурван сарын турш зарим малаа Цохиот уул, түүний салбар уул нуруудаар хариулсны хүчинд цөөн мал хорогдсон. Цагаан сүмийн голоос гадна Орхон, Жарантай голын их хөндий, түүний ойр орчмын ам, энгэр газарт хүнсний ногоо, үр тариа тариалахад бүрэн тохиромжтой. Тиймдээ ч Уйгарын үеэс тариа тарьж байсан ул мөр усалгааны далан шуудуу элбэг. XX зууны сүүлийн хагаст сумын хэмжээнд 5,5 га-д тариалалт хийж байсан нь улсын хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт. 1958 оноос төвийн эрчим хүчний системд холбогдсон. Төд удалгүй Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон нь аялал жуулчлал хөгжихөд гол түлхэц болсон юм. Эрдэнэзуу хийдийг үзсэн гадаад дотоодын олон жуулчин цааш 20 гаруйхан км яваад Хотонт сум орж, тэндээсээ Төвхөн хийд, Улаан цутгалан, Орхоны хүрхрээ, Хоргын тогоо ордог “нэгдсэн маршрут” хэдийнэ тогтжээ.

Архангай аймаг, тэр дундаа Хотонт сум уруул чимчигнүүлж, аяганд шар тос хөвсөн айргаараа алдартай. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зун Өндөр гэгээн Занабазар мэндэлсний ойд зориулсан даншиг наадмын үеэр зохиогдсон айрагны баярт Хотонт сум түрүүлсэн. Бүр тодруулбал “Хөхүүрийн монгол айрагны дээжээр мялаалга өргөмүй” мялаалгын наадам болж, Өвөрхангай, Төв, Булган, Архангай зэрэг аймгийн 30 гаруй сумын төлөөлөл оролцсон юм. Бүр удаахь байранд нь Булган аймгийн Могод сумын айраг шалгарсан юм шүү. Бас жил бүрийн намраар сумынхаа айрагны баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Айрагны хөрөнгөө жил дамнуулан сэрүүн газарт сайтар хадгалдгаас гадна хавар бүрсэн таргийг гүүний саамаар шингэлж хөрөнгө гаргах нарийн ухаанд гарамгай суралцсан малчид олон учраас айраг нь амттай байдаг биз ээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Төмөрхуяг: Хүүхдийн амь авраад шагналд нь компьютер тоглож байлаа

Өнгөрсөн
долдугаар сарын 23-нд машинд түгжигдсэн бага насны хоёр хүүхдийг Хан-Уул
дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэслэгч Э.Төмөрхуяг, ахлах ахлагч
У.Түвшинтөгс нар аварсан билээ. Саяхан дэслэгч Э.Төмөрхуягийн эхнэр Б.Нямдарь
өөрийн фейсбүүк хуудастаа “Нэг өдөр ажлаасаа ирэхдээ нөхөр маань гартаа том
наалт наачихсан ирсэн юм. Яасан юм бэ, юу болов гээд асуутал “Миний гар зүгээр
ээ, цонх хагалах шаардлага гараад” гэхээр нь угаасаа адал явдалтай цагдаагийн
амьдралыг мэдэхээс хойш лавлаж асуулгүй орхисон юм. Тэгсэн саяхан “Өнөөдөр
үндэсний телевизэд ярилцлага өгөөд” гэсээр орж ирдэг байгаа. Халуун өдөр машинд
цоожлуулаад ухаан алдсан хоёр хүүхдийн амийг миний хань аварчээ, Энэ тухайгаа
наддаа ч баярхаж яриагүй, тийм л даруухан хүн шүү. Дунд сургуульд сурч байхдаа
хүн аалзаар “өвчилчихсөн” жаахан хүүг цонхоор хөл алдаж унахад доор нь тосож
авч, амийг нь аварч байсан юм. Тэгээд боловсролын яамны шилдэг сурагч алтан
медалиар шагнуулсан. Нөмрөгтэй хувцсаа өмсөөгүй л болохоос амьдрал дээрх
жинхэнэ супермэн ааваараа охин бид хоёр нь бахархдаг шүү” хэмээн бичсэнийг маш
олон хүн түгээж, бас лайк дарсан билээ. Ийнхүү дээрх болсон үйл явдлын талаар
дэслэгч Э.Төмөрхуягтай ярилцлаа. Тэрбээр
2006 оноос Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст ажиллаж байгаа аж.

-Машинд
түгжигдсэн хүүхдүүдийг яаж гаргаж авсан юм бэ?

-Манай цагдаагийн
хэлтсээс “Нисэхэд машин дотор хоёр хүүхэд цоочлогдсон, нэг хүүхдийнх нь бие
муу. Яаралтай очиж гарга” гэж үүрэг өгсний дагуу ахлах ахлагч У.Түвшинтөгсийн
хамт газар дээр нь очсон. 13.00 цагийн үед л дээ. Очтол “Тоёота Ист” маркийн
автомашин дотор хоёр хүүхэд түгжигдсэн байсан. Ээж нь бүр сандарчихсан, хаалгыг
нь онгойлгох гэж хутга, төмрөөр хөшсөн бололтой, урд хаалганы будаг нь
халцарчихсан байсан. Машинд түгжигдсэн хүүхдүүдийн нэг нь ой гарантай, нөгөө нь
хоёр настай. Ээж нь гэртээ боорцог хийж байгаад машинд тоглож байсан хүүхдүүдээ
анзаараагүй юм билээ. Хүүхдүүдийнхээ уйлах чимээнээр гараад хартал машинд
түгжигдчихсэн байсан гэсэн. Нөхөр нь машиныхаа түлхүүрийг аваад явчихсан.
Тэгэхээр нь зүүн хойд хаалганых нь жижиг шилийг хагалж, гараа оруулж байгаад
дотроос нь онгойлгох гэсэн чинь болдоггүй. Хаалганы түгжээнд гар хүрэхгүй
байсан хэрэг л дээ. Гараа бас шилэнд нь зүсчихсэн. Тэгэхээр нь төмрөөр том
шилийг нь цохиж хагалаад, хүүхдүүдийг гаргасан. Гадна талаас нь шууд цохиод
хагалчих гэхээр хүүхдүүд рүү шил үсрэх гээд байсан болохоор өнөөх хагалсан
жижиг цонхоороо гараа оруулж байгаад, дотроос нь гадагш цохиж цонхыг нь
хагалсан.

-Таны аварсан
хүүхдүүдийн нэг нь эмнэлгээс гараад удаагүй байсан гэсэн байх аа?

-Хоёр настай
хүүгийн гэдэс боолттой байсан. Төрөлхийн эмгэгтэй гэдгийг нь сүүлд л мэдсэн.
Тэр хүүхэд урд суудал дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан бол нэг ойтой дүү нь
уйлаад, суудал дамнаад мөлхөөд байсан. Хоёулаа усан хулгана болтлоо
хөлөрчихсөн. Зуны халуун өдөр, битүү машинд ямар байх нь ойлгомжтой шүү дээ.
Жижиг цонхыг хагалахад саун шиг халуун агаар өөдөөс пүн хийж байгаа юм чинь.
Магадгүй хугацаа алдсан бол амь насанд нь аюул учирч болзошгүй байсныг
үгүйсгэхгүй. Хаалгаа онгойлгосны дараа, ээж нь хүүхдүүдээ аваад гэр лүүгээ
орсон. Толгой биеийг нь бүлээн усаар шавшиж байгаа харагдсан. Өрхийн эмч ирсэн
байсан.

-Одоо
хүүхдүүдийн бие сайн байгаа биз дээ?

-Саяхан эмээ нь
нэг сайтад ярилцлага өгөхдөө хүүхдүүдийн бие сайн гэж хэлсэн байна лээ. Би ар
гэрийнхэнтэй нь холбогдоогүй.

-Та бас дунд
сургуульд сурч байхдаа хүүхдийн амь аварсан гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй яриач?

-2004 оны
арваннэгдүгээр сард болсон явдал л даа. Тухайн үед ахлах ангид сурч байлаа.
Хичээлээ тарчихаад, сургуулийнхаа хажууханд ангийнхаа хөвгүүдтэй сагс тоглож
байтал дөрвөн настай жаахан хүү тагтан дээрээ гарчихаж. Тэднийх тавдугаар
давхарт байсан шиг санагдаж байна. “Миний дүү гэр лүүгээ ор. Наанаа зогсох
аюултай шүү” гэтэл “Ээжийгээ энд хүлээгээд байж байна” гэсэн. “Ээж чинь ирж
байгаа гэсэн. Гэртээ орохгүй бол ээж нь удаж байж ирнэ гэсэн шүү” гэсэн чинь
“Худлаа яриад бай. Хэрэв үнэн юм бол та манай ээжийн нэрийг мэдэх юм уу” гэж
билээ. Их сэргэлэн цовоо хүү байсан. Төд удалгүй хүүхэд уйлах чимээ гарахаар нь
тэр зүгт харвал өнөөх хүү тагтныхаа гадна талаас зүүгдчихсэн байдаг байгаа. Хөл
нь сарваганаад, дээшээ гарах гээд зүтгээд байсан. Тэр дор нь ангийнхаа
хөвгүүдийн гаднах хувцсыг тайлуулж, хооронд нь холбож уяад, дэвсгэр маягийн
зүйл болгосон. Тэрнийгээ хэдэн талаас нь татаад, хүүгийн дор бариад зогстол төд
удалгүй өнөөх хүү дээрээс унасан. Азаар хүү бидний холбож уясан хувцас дээр
унаж, бэртэж гэмтээгүй. Тэгснээ шууд босоод гүйдэг байгаа. Удалгүй хажуу дахь
дэлгүүрээс ээж нь гарч ирээд, гэртээ орхиод гарсан хүүгээ гадаа гүйж явахыг
хараад их гайхсан. Ээж нь “Миний хүү яагаад энд явж байгаа юм бэ” гэтэл орцны
үүдэнд сууж байсан эмээ нар “Хүү чинь тагтнаасаа унаад, энэ хүүхдүүд аварсан.
Яахаараа ийм нялх амьтныг гэрт нь гацааранг нь орхидог юм” гээд зэмлэнгүй
хэлсэн санагдаж байна. Маргааш нь хүүгийн аав сургууль дээр ирээд, бид нарт
баярласнаа илэрхийлсэн. Тэгээд “Дүү нартаа маш их баярлалаа. Ах нь дүү нартаа
яаж туслах уу” гэхээр нь “Компьютер тоглоомын газар ормоор байна” гэж билээ.
Өгсөн мөнгөөр нь компьютер тоглоомын газарт бүтэн өдөр тоглосон доо. Маргааш нь
бүгд нойрмоглоод, зарим нь бүр ширээгээ дэрлээд унтчихсан. Багш нар орж ирээд
“Хичээл дээр яагаад унтаад байгаа юм” гэж загнатал охидууд “Эд нар өчигдөр
хүүхэд аварсан юм. Тэгээд аавынх нь өгсөн мөнгөөр компьютер тоглосон гэсэн” гэж
хэлсэн. Үүнийг сонсоод уурлаж, загнаад байсан багш нар “Өө тийм уу. Тэгвэл дүн
гаргахад 10 хувь нэмж тооцно” гээд инээмсэглэсэн.

-Таныг ЦЕГ-аас
шагнасан гэдэг үнэн үү?

-Одоогоор шагнуулаагүй байна. Миний
тодорхойлолтыг явуулсан гэсэн. Гэхдээ надаас илүү гавьяа байгуулсан олон мундаг
цагдаа бий. Би албан үүргээ гүйцэтгэж явахдаа машинд түгжигдсэн хоёр хүүхдийг
аварснаас өөр зүйлгүй. Тэр бүү хэл цагдаагийн албан хаагчид ганц шөнийн дотор
гудамжинд унтчихсан олон арван хүнийг эмнэлэгт хүргэж өгдөг. Энэ бол бидний
үүрэг юм даа.