Categories
мэдээ цаг-үе

Хишигтогтохын Алтангэрэл: Дан хөгжмийн олон бүтээл минь улсын санд орсон

Монгол Улсын консерваторийн хөгжмийн зохиомжийн багш, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Хишигтогтохын Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.


Алтан намар-2018 хөгжмийн томоохон бүтээлийн наадамд ямар бүтээлээ сонордуулав?

-Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг наадам бол “Алтан намар”. Энэ наадам дан хөгжмийнх гэдгээрээ онцлогтой. Монголын хөгжмийн зохиолчид тухайн жилдээ туурвисан дан хөгжмийн шилдэг бүтээлүүдээ сойж, дан хөгжмийн бүтээлийн ургацаа хураадаг наадам л даа. Би энэ наадамд 1998 оноос эхэлж оролцсон. Анх тэр жил “Аргамаг хүлгийн хурдаар” гэдэг морин хуурын симфони найрал хөгжмийн зохиол маань шалгарч гала тоглолтод нь багтаж байсан түүхтэй. Түүнээс хойш “Алтан намар”-т би хорин жил бүтээлээрээ оролцсон байна. Энэ жил их зохиолч Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгээс сэдэвлэсэн “Харанхуй хад” хэмээх дөрвөн ангит симфони чуулбарыг бичиж, Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Нямдашийн удирдлагаар тоглож олны хүртээл болголоо. Энэ симфони чуулбар маань “Алтан намар” хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн өргөмжлөл хүртсэнд хөгжмийн зохиолчийн хувьд их баяртай байна.

-Баяртай байлгүй яах вэ. Энэ бүтээлээ туурвих болсон учир түүхээс хуваалцаач!

-Их зохиолч Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой 2016 онд тохиоход “Харанхуй хад” зохиолд суурилуулан их зохиолчийн амьдралыг нь шигтгээ болгосон киног Цогтбаяр найруулагч бүтээсэн. Энэ киноны хөгжмийн зохиолчоор би ажилласан юм. “Харанхуй хад” симфонийн үндсэн суурь нь тэр киноны хөгжим маань болохгүй юу. Н.Жанцанноров багш, яруу найрагч Д.Урианхай ах гээд Монголын урлаг, утга соёлын сартваахиуд киног их зохиолчийн төрсөн өдрөөр ирж үзээд “Энэ киноныхоо хөгжмийг дан хөгжмийн бүтээл болгоорой. Зөвхөн киноны хөгжмөөрөө байвал хайран байж магадгүй” гэж зөвлөсөн юм. Киноны хөгжим гэдэг хэдхэн минут, секундын дүрсэн дээр тааруулсан жижигхэн аязууд байдаг даа. Тиймээс Нацагдоржийн, Пагмадуламын аялгуугаа суурь болгож аваад хорин минут үргэлжлэх дөрвөн ангит симфони бичсэн хэрэг л дээ. “Харанхуй хад” симфонио Москвад Чайковскийн нэрэмжит Хөгжмийн их сургуульд нэг жилийн хугацаанд суралцахдаа бичсэн.

-Өөрийн чинь хэдэн бүтээл улсын санд орсон бол?

-Улсын санд хөгжмийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж авдаг. 2007 оноос хойш улсын санд арав гаруй бүтээл маань шалгарч орсон. “Хэмнэл” шанзны ансамбль, төгөлдөр хуур, цохивор хөгжмийн уран сэтгэмж, “Хүслийн хязгаарт” морин хуур, ятга, симфони найрал хөгжмийн концерт, “Тэнгэрийн удам” үндэсний цөөхүүл, “Цастны мэргэд” морин хуур симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Нэгдүгээр симфони”, “Ятга, үлээвэр, цохивор хөгжмийн гурван ангит концерт”, “1911 он” симфони найраглал, урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулган, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Цогнэмэх нартай хамтарч хийсэн “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг зэрэг бүтээлүүдийг төр батламжилж, төрд данстай болсон.

-Улсын санд батламжилсан бүтээлээрээ зохиогч цомог гаргаж болдог уу?

-БСШУСЯ, Монголын хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран тухайн жил шалгарсан шилдэг бүтээлүүдийг нэгтгэн цомог гаргадаг.

-Таны бүтээлүүдийг энэ жилийн төрийн шагналд нэр дэвшүүллээ гэв үү?

-Төрийн шагнал бол бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал. Миний “1911 он” симфони найраглал, “Цастны мэргэд” морин хуур симфони найрал хөгжмийн концерт-найраглал, “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжгийн хөгжмийн гурван бүтээл маань СУИС-ийн эрдмийн зөвлөлийн шинжээч судлаачдын үнэлгээгээр шигшигдэж, БСШУС-ын сайдын зөвлөлийн хэлэлцүүлэгт бурханч лам Пүрэвбат гуай бид хоёрын бүтээл зуун хувийн саналаар дэмжигдэж гарсан байна. “Ай Нанаа”-г Монголын дуулалт жүжгийн төрлийг шинэ шатанд гаргасан бүтээл болжээ гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна лээ. Дуулалт жүжигт ари, аризо, дуэт, найрал дуу, дан хөгжмийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, дуулалт жүжгийн төрлийг дуурийн төрөл рүү шат ахиулжээ гэж судлаач шинжээчид үзэж. “Цастны мэргэд” бүтээлээ 1999 онд бичсэн. Энэ хорин жилийн хугацаанд бүтээлээ 2008 он, 2018 онд хоёр удаа засвар хийсэн. 2008 онд Шинэцог-Гени тоглож “Алтан намар-2008” наадмын шилдэг бүтээлээр шалгарч, улсын санд худалдаж авч байсан. Шинэцог маань энэ жил тавдугаар сарын 18-нд “Морин хуур-2” тоглолтоо хийхдээ симфони оркестртой тоглож мэргэжлийн судлаач шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Би тэр үед ОХУ-д суралцаж байсан. Энэ бүтээлийг СУИС, Монгол Улсын консерваторийн судлаач багш нар өндөр үнэлсэн байгаа.

-Хөгжмийн ертөнцөд нэр мөрөө гаргаж авьяас билгээ тордоход тань багш хэмээх аугаа хүний ач тус үлэмж их байсан биз?

-Би Хөгжим бүжгийн коллежийг төгсөн, Москвагийн Хөгжмийн их сургуулийг хөгжим судлаач-хөгжмийн зохиолчоор дүүргэсэн хүн. Эрдэмтэн багш нараа заавал дурдах учиртай. Би өөрийгөө их азтай, хувьтай хүн гэж бодож явдаг. Юу вэ гэхээр миний хөгжмийн зохиомжийн багш бол Монгол Улсын төрийн шагналт, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шарав юм. Би Шарав багшийндаа 1998 онд очиж монгол ёсоор хадаг барьж, багш шавийн барилдлага тогтоож байлаа. Одоо болтол би багштайгаа байнга холбоотой байж, бүтээл туурвилдаа зөвлөгөө авч явдаг. Москва, Санкт-Петрбургт Хөгжмийн их сургуульд долоон жил суралцахдаа орос багш нараасаа эрдмийн хишиг хүртсэн хүн. Санкт-Петрбургийн консерваторийн профессор, ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.И.Тищенкогийн гарын шавь болсон хувь тавиландаа бахархана. Энэ хүн бол агуу их хөгжмийн зохиолч Д.Д.Шостаковичийн отгон шавь байсан. Тищенко багшийнхаа удирдлага дор анхны “Нэгдүгээр симфони”-оо 2009 онд бичсэн. Энэ симфони маань тухайн жилдээ “Алтан намар” наадамд шилдгээр шалгарч улсын санд худалдаж авч байлаа. Оростоо төдийгүй дэлхийд алдартай Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн их сургуульд профессор, ОХУ-ын ардын жүжигчин, Москвагийн филармонийн уран сайхны удирдагч, алдарт Марийнскийн театрын уран сайхны зөвлөх Александр Чайковскийн удирдлага дор 2017 онд суралцлаа. Энэ хүний удирдлага дор Чингис хааны сэдэвт хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт “Их хаан” хэмээх дуурь бичиж байгаа.

-Ардын уран зохиолч П.Бадарчийн цомнол, Б.Шарав багшийн тань бүтээл Чингис хаан гэж сайхан дуурь бий дээ?

-Багшийн маань “Чингис хаан” бол их хааны сэдэвт мэргэжлийн анхны дуурь. “Монголын нууц товчоон”-оос сэдэвлэн бүтээсэн. Их хааны тухай сэдвээр хөгжмийн зохиолч С.Тараа ах бас “Чингис хаан” гэж рок дуурь бичсэн байдаг. Миний дуурь Чингис хааны Хорезмд хийсэн аян дайныг харуулсан хоёр цаг гаруйн бүтээл. Чингис хааны түүх маш том зүйл. Зөвхөн Чингис, Бөртэ хоёрын хайр сэтгэлээр бүхэл бүтэн нэг драм гараад ирж байгаа. Энх тайвныг тогтоохын төлөө ажиллаж байсан улстөрийнх нь байр суурь гэхэд нэг том драм болчихно. Энэ дуурь маань 2020 онд тавигдахаар төлөвлөгдсөн. Цомнолыг нь УДБЭТ-ын дарга байсан Мөнхзул бичсэн. Дашрамд дурдахад Монголын хөгжмийн зохиолчдын дуурь олон улсын зах зээлд тэр бүрий гарч байгаагүй. Дуурь гэдэг урлагийн томоохон төрөл Италиас гаралтай. Тиймээс итали хэлээр Монголын хөгжмийн зохиолч дуурь бичье гэсэн төслийн дагуу ажиллалаа. Итали хэлээрх энэ дуурь дээр Солонгосын продюсер ажиллаж, БНСУ-ын Сөүл хотод анхны тоглолт нь тавигдах юм. Энэ сарын 4-5-нд дуурийн маань эхний танилцуулга Сөүлд болох гэж байна. Эхний ари, хэсгүүд нь төгөлдөр хууртай танилцуулагдана.

-Монголын уран бүтээлчид төсөлд хамрагдаж байгаа юу?

-Төгөлдөр хуурчаар Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын концертмейстр Солонгоо багш тоглохоор явна. Гол эмэгтэй дүрийнх нь арийг гавьяат жүжигчин Эрдэнэтуяа дууллаа. Одоогийн танилцуулга дээр Солонгосын сопран хоолойтой алдартай дуучин дуулна гэж сонслоо. Эхний ээлжинд сопран хоолойн арийг, удиртгал хөгжимтэй нь сонсгоно гэж төлөвлөсөн байгаа. БНСУ-д Азийн орнуудын театрын удирдлага, уран бүтээлчдийн чуулга болж байгаа юм байна л даа. Би одоогоор тийш явж амжихгүй нь.


Categories
мэдээ цаг-үе

Яруу найрагч Баттөрийн Мягмаржав: “Ээжийн цэнхэр нутаг” тоглолтоо хийхээр санаа шулуудаж хэвтэнэ дээ

“Болор цом”-ын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Баттөрийн Мягмаржавтай уулзаж хөөрөлдлөө. Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам 32 дахь удаагаа зохиогдоход “Тэнгэрийн татах хүч“ шүлгээрээ тэргүүн байр хүртсэн тэрээр эдүгээ аюулт өвчинд шаналан Баянхошуун дахь гэртээ адар ширтэн хэвтэнэ. Түүний “Ээжийн цэнхэр нутаг” дуу хөгжим, яруу найраг, сэтгэлийн их цэнгүүн ирэх арваннэгдүгээр сарын 14-ний 19 цагт “UB palace”-ын их танхимд болох аж. Монголын хоймор сайхан нутаг Хөвсгөлөөс төрсөн ясны яруу найрагчдаа ус нутгийнхан нь болон улс түмнээрээ туслан хөл дээр нь босгоосой билээ!


-Алс холын Солонгост ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар эх орондоо ирсэн сураг байсан. Бие тэнхээ ямаршуухан байна даа?

-Сайхан намаржаад байна уу, та бүхэн минь. Яах вэ, хүний нутагт хүмүүсийн адил ажиллаж хөдөлмөрлөн нэг жил болоод ирлээ. Юм үзэж харъя, ажилтай орлоготой байя гээд амьдралын тодорхой зорилготой явсаан. Явсны хэрэг яахав болж л байлаа. Тэгтэл тэнд жил болдгийн ойн дээр өвчин зовлонд унаснаа мэдлээ. Тэрүүгээрээ бие хаагаа үзүүлтэл ходоодны шарх гээд эмнэлэг жаахан хөөцөлдөж яваад ирлээ. Хүний нутагт үзүүлж харуулах мөнгө нь ч дийлдэхгүй юм, тэгээд аргагүйн эрхэнд эх орондоо есдүгээр сарын дундуур ирсэн дээ.

-Ирээд “Ээжийн цэнхэр нутаг” сэтгэлийн цэнгүүнээ хийхээр шийдэв үү?

-Энд эмчилгээ сувилгаа хийлгэж, гадаадын улс орны эрүүл мэндийн байгууллагад шинжилгээгээ явуулсан. Ходоод, элэг гэсэн хоёр эрхтэн хавсарсан өвчин учраас түвэгтэй л юм шиг байна. Шинжилгээний хариу иртэл зүгээр байж байхаар тоглолт хийж эмчилгээний зардлыг босгоё гэсэн саналыг найз нөхөд, Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Ренчинлхүмбэ сумын нутгийн зөвлөл”, “Хөвсгөл-нэг үе” клубээс санаачлан “Ээжийн цэнхэр нутаг” дуу, найраг, сэтгэлийн их цэнгүүнийг хийхээр товлоод байна. “Хөвсгөл-нэг үе” клубийн ерөнхийлөгч Г.Чингүнжав гэж сэтгэл сайт хүмүүн л энэ буянт үйлийг санаачиллаа. “Би ямар хүний өмнөөс өвдсөн биш” гэж дуугүй талдаа байсан ч тоглолтынхоо цаана нь гарахаар санаа сэтгэл шулуудаад хэвтэж байна даа. (Идэр залуухан найрагчийн эрдүү аргил хоолой сөөнгөтөн цээжний чинадаас шивнэн ярих ажээ. Л.Б)

-Энэ буянт үйлийг хэн, хэн дэмжиж байна?

-Миний хорин жил ажилласан Монголын үндэсний радио, телевизийн хамт олон, МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан, төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, сэтгэл сайт дүү нар, найз нөхөд сэтгэл зүрхээ надад харамгүй зориулж байна даа. Тэд маань л гадуур бүх ажлыг зохицуулаад бужигнаад байх шиг байна. Миний байгаа царай ч дээ, ингээд хэвтэж байдаг “ажил”-тай болж дээ.

-Хүний нутагт шүлэг бүтээл аль хэр туурвив. Шинэ номоо баринтаглах бодол байна уу?

-Өө, уран бүтээлээсээ яаж холдох вэ. Сэтгэл зүрхэнд байгаа юм чинь бичиж байгаад ирсэн. Өгүүллэгийн нэг ном боочихъё гэсэн чинь учиг зангидах арай болоогүй санагдаад байгаа. Энэ нэг өвчин шүү юмны цаана гарч байгаад хэвлүүлэх бодол байна. Цахим өртөөний буянаар Орос, Хятад, хаа байсан дэлхийн нөгөө бөөрнөөс сайхан сэтгэлийн дэм өгч сэтгэлээр минь намайг үндсэндээ босгож ирж байна даа. Эд бүхэндээ энэ өвчнийг даваад гарчихсаныхаа дараа хүүрнэл үгийн номоо өргөн барина даа.

-Юу гэсэн нэртэй ном байх бол?

-Аа, номондоо нэр сайн оноож амжаагүй. Жаахан дутуу дулимаг санагдаад байх юм. Хоёрын хооронд юм хүний гар дээр тавих би дургүй. Угаасаа ч тийм бодол үзэлтэй хүн. Хариутай бол бариутай гэж сайхан монгол үг бий. Сэтгэлийн дэм өгсөн хүн зондоо үнэгүй тараах бодолтой байна. Уран бүтээлч хүний чадах юм л энэ юм даа. Солонгост ажиллаж байхдаа мэр сэр бичсэн шүлэг байлгүй яахав. Иймэрхүү л ааш аягтай байх шив дээ.

-Өмнө нь уншигчдынхаа оюуны мэлмийд хэдэн номоо толилууллаа?

-“Долоон сарын цас”, “Цаг хугацаа буцвал…”, “Хоймор нутаг”, “Уулсын симфони” гэсэн арван хоёр мөнгөний дэвтэр шиг хэдхэн ном, “Нүүнэ” хэмээх тоосго шиг том нэг номтой хүн л дээ би.

-Өөрийн чинь цэнгүүнээ нэрлэсэн “Ээжийн цэнхэр нутаг” ч ухаарлын сайхан үгтэй дуу шүү…

-“Мэлмэрээ нуурын дэргэд нь хө

Миний л ээжий суугаа даа

Ээжийн нутгаа санаад байх чинь

Эр хүн байж би чинь уйлах нь үү дээ

Салхи хөлөглөм цэцэгс нь ээ

Самсаа шархирам үнэртэй дээ

Нутаг ээжээ санаад байна аа

Нулимсаа нуугаад уйлах нь үү дээ” гэсэн шүлгийг аль тэртээ ерээд онд бичиж, хөгжмийн зохиолч Жигжидийн Жаргалсайхан ая зохиосноос хойш олон ч дуучин дууллаа. Монгол Улсын гавьяат жүжигчин Чулуунхүү, Өлзий-Орших, Бямбажав болон дуучин Найдандорж нар дуулж хүнд хүргэж байх шив дээ. Би өөрөө их дуу цөөтэй, дээр нь дууны үг цөөтэй хүн. Дууны үг чинь нэг бодлын амархан ч юм шиг, нөгөө бодлын хэцүү ч юм шиг санагддаг юм.

-Тоглолтод хэн хэн гэдэг уран бүтээлчид оролцох бол?

-Гавьяат жүжигчин Ө.Уянга, Завханы гавьяат С.Батсүх ах хоршин дуулагч Б.Бат-Энэрэл хүүтэйгээ, соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч, дуучин Норовын Баасандорж, соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх, Г.Эрдэнэтунгалаг, Д.Найдандорж, Я.Гэрэлчулуун, морины хэмээх дуучин Л.Нарантуяа нар, “Uvertura” хамтлаг хүрэлцэн ирж ая дуугаа өргөх юм. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржоос эхлэн Монголын утга зохиолыг нуруун дээрээ үүрч байгаа ерээд оны мөнгөн үеийнхэн соёлын гавьяат зүтгэлтэн Цоодолын Хулан, Хайдавын Чилаажав, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, модернист яруу найрагч Баатарын Галсансүх, “Болор цом”-ын эзэн Агваржин Жа.Баяржаргал, Норовын Гантулга, Шагдарын Лхамноржмаа, Л.Моломжамц, Ц.Эрдэнэбаатар, яруу найрагч Бидэрийн Баярсайхан, О.Цэнд-Аюуш нарын үе үеийн яруу найрагч, зохиолчид оролцохоор болж байгаа. Манай үе үеийн яруу найрагчид нижигнээд л ирж шүлгээ уншина гэсэн. Тайз бол ямар ч байсан хоосонгүй байх нь тодорхой. Бужигнана ч, нижигнэнэ ч л гэж үзэж байгаа.

-Та эцэг эхээс хэдүүл билээ?

-Бид эцэг эхээс есүүлээ. Эжийгээ хэдэн жилийн өмнө бурхны оронд үдсэн. Эжийгээсээ хойш ч сайхан есүүлээ л аж төрж байна. Би чинь айлын дөрвөн эрэгтэйгийн хамгийн отгон. Өлмий доороо гурван эмэгтэй дүүтэй. Өнөөдөр төрсөн нутаг Ренчинлхүмбэ сумаас маань нэг ах, хоёр эгч минь дүүгээ эргэж ирээд байна даа. Манайхан бүгд малчин улс аа. Малын буян хаачих билээ, сайхан л амьдарцгааж байгаа. Бичиг соёл гэж явсан нь ганцхан би ухаантай. Хоёр ах, нэг охин дүү нар минь бас ирж л байгаа сурагтай. Би уг нь Солонгосоос ирээд Хөвсгөл сайхан нутагтаа нэг оччихъё гэсэн чинь бие арай дийлэхгүй байж л байна. (гүн санаа алдав. Л.Б)

-Ренчинлхүмбэ ч бас янзтай сайхан хангай даа?

-Өө, яриад яахав. Одоо яг жинхэнэ нүүдлийн үед миний нутаг хичнээн сайхан гээч. Манайхны нүүдэл цас орохоос өмнө юу юугүй цаашаа явчих гээд байна гэж ирээд байгаа Лхагва ах маань хэлнэ лээ. Манайхан чинь Ханхын тийш, Хөвсгөл нуурынхаа ар талд очиж өвөлждөг улс. Тав зургаан хоног нүүнэ. Монголд үлдсэн жинхэнэ нүүдэл тэнд л бий. Тэмээн хөсөг, шар ачаа, морин тэгнээ гээд сүүлчийн сайхан нүүдэл манай нутагт л байдаг. Машин техник явах аргагүй газар чинь тэгэхээс ч яахав. Үеийн үед тэгж л нүүж ирсэн. Тэр чанараараа л байж байгаа. Энэ сайхан нүүдлээрээ явах юм сан гэж бас бодох.

-Хань чинь хаанахын сайхан бүсгүй байна?

-Манай хүн чинь Ёндонгийн Сүрэнхорлоо гэж бас есөн хүүхэдтэй айлын охин. Сайхан ханийнхаа хайр, асаргаанд л одоо сууж байна даа. Хүү Баасандалай, Энх-Амгалан хоёр маань одоо л нэг амьдралын зах руу орох гэж байгаа хүүхдүүд дээ. Өнгөрсөн жил хөөрхөн ач хүүтэй боллоо. Өвөө болох уяралтай сайхан юм.

-Та монгол түмэндээ хандаж хандивын данс нээсэн гэл үү?

-Баттөрийн Мягмаржав миний “ХААН” банкны 5020521058 тоот данс байгаа. Монгол ахан дүүс та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөе дөө!

Тэнгэрийн татаххүч

Дэнхэл донхолтой амьдралд бүдэрч унахын цаг дор

Дээлийн минь захнаас татаж, тэнгэр намайг босгосон юм

Уйлсан нулимсыг минь тосож аваагүй тэнгэр

Дуулсан дууг минь түрж цуурайлсан юм

Уулга алдахдаа дууддаг хөх тэнгэртээ

Ухаант тархи минь хамгийн ойрхон явдаг

Чоно улихад толгойн үс босч, тэнгэрт улам ойртон

Чонос удмаа тэнгэрийнх гэдэгт итгэдэг би

Эх болсон зургаан зүйлийг энэрэхүйн ухаанаар

Ээтэн гутлын минь хоншоорыг тэнгэр дээш нь татсийм

Өвөг балрын олж ирсэн халуун амь гал голомтыг

Өөрийгөө шатаан байж, тэнгэр дээш нь дүрэлзүүлсэн юм

Эх газрын татах хүчтэй булаалдан байж

Эгц өндөр Алтайн уулсыг тэнгэр татаж босгосон юм

Нүүх үүлсэн зузаан хэвнэгийг сүлбэж гарсан

Нүсэр хотын хээнцэр шилтгээнийг ч тэнгэр татаж босгосон юм

Сарныхаа сүүн гэрлээр хөхүүлэн байж

Нарныхаа халуун алгаар өргөж өсгөсөн тэнгэр минь

Сая живаа оддоо хүний нүдэнд харуулаагүйсэн бол

Сансрын хөлгийг бид яах гэж бүтээх юм бэ?

Хүлэг морь, хийморь хоёроо давхил дундаа юүлсэн

Хүннү эцэгтэй Монголын үрс билээ, бид

Хөрст дэлхийн татах хүчинд

Хөлөө майга болтол татуулсан ч

Зовхиноосоо бол тэнгэр өөдөө татуулсан

Зоригт өвгөдийн үр сад билээ, бид

Газрын зоог хүлгийнхээ нуруу шиг хайрлан

Гангар хун шиг гэртэйгээ нисэн буун жаргасан

Энгэр газраа дэрлэн өвгөдийн бие шингэлээ ч

Тэнгэр таны хэвлийд бурхан сүнс залармой

Categories
мэдээ цаг-үе

Л.Балхжав: “Миний дуунууд” тоглолтын маань хорин жилийн ой тохиож байна

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай ярилцлаа. Түүний “Миний дуунууд-2018” тоглолт энэ сарын 26, 27-нд “UB palace”-ын концертын их танхимд болох юм.


-Таны “Миний дуунууд” уламжлалт тоглолтын хорин жилийн ой энэ жил тохиож байна. Өдий олон жил ямархан олон даваа гүвээг давж ирэв дээ?

-Уран бүтээлийг ямар ч уран бүтээлч өөрийн оюун ухаанаа шавхаж хийдэг. Хамгийн гоё нь тухайн уран бүтээлч хэн нэгнээс юм хүлээлгүй, өөрийнхөө оюуны ертөнцөд бүтээж туурвидаг учраас ариун гэгээн бүхнээ олон түмэндээ толилуулахыг эрхэмлэдэг. Уран бүтээл гэдэг урнаар бүтээнэ гэсэн үг. Урлагийн салбарт ажиллаж байгаадаа би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ганц би зөвхөн хөгжмөө зохиогоод байвал юу ч билээ, хамтын уран бүтээл дээр амин сүнс нь оршдог. Миний ард олон сайхан яруу найрагч, дуучид, хөгжмийн найруулагчид байдаг. “Миний дуунууд” тоглолт маань хорин жил үргэлжлэхдээ Монголын орчин үеийн урлагийн түүхийн нэгээхэн хэсгийг бичилцсэн юм шиг санагддаг. Хорин жилийн гэрэл зургийн үзэсгэлэнгээс харахад он цаг хурдан өнгөрсөн ч гэлээ эргээд харахад бахархалтай сайхан л байна.

-Та алдарт морин хуурч, ардын жүжигчин Жамьян гуайн гарын шавь. Урлагт замчилсан хүн хэн байна. Хөгжим гээч гайхамшигт яаж дурлав?

-Хөгжимд дурласан маань гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой. Манай аав жолооч хүн байсан ч урлагт дуртай, урлагийн мэдрэмжтэй, уран бүтээл туурвидаг хүн байсан. Жамьян багш болон эрдэмтэн багш нар маань хөгжмийн урлагийг зүгээр нэг заагаад зогсохгүй тэрэнд дурлуулж, эх орноор бахархуулж, ээж аавыгаа хайрлах сэтгэгдэл төрүүлэн, ахмадыг хүндлэх хүмүүжлээр хүмүүжүүлсэн. Морин хуур бол өөрөө ид шидтэй хөгжим. Ид шидтэй гэж би хаа ч бардам хэлнэ. Цаанаасаа л хийморилог, уянгалаг, зөөлөн хөгжим. Морин толгой молор эрдэнэ тэргүүнтэй. Их бэлгэдлийн чанартай. Арьс ширээр нь царыг нь, дэл сүүлээр нь чавхдасыг хийдэг. Хос утастай. Хос гэдэг чинь бэлгэдлийн утгатай. Урлагийн бурхан тэнгэр монгол хүнд морин хуурыг бэлэглэсэн байх. Морин хууртай амьдралаа холбосон хүмүүс их өөдрөг явдаг юм шиг санагддаг. Олон сайхан хөгжмийн зохиолчид морин хуурчид байдаг. Жамьян багшийнхаа ид сайхан идэр залуу насанд нь шавь нь болсон хувь заяандаа би бахархдаг. Жамьян багшийн маань заасан бүхэн телевизийн болон урлагийн салбарт ажиллахад миний амьдралыг хөглөж ирлээ.

-Хөгжим, бүжгийн дунд сургуульд хэдэн настайдаа анх элсэн орж байв?

-Би Хөгжим, бүжгийн сургуульд гуравдугаар ангиасаа орсон. Тэрнээс хойш урлагтай бүхий л амьдралаа холбосон. Олон сайхан урлагийн мастеруудын шавь болж хүүхэд нас, идэр насаа үджээ. Би хөгжмөөр арван хоёр жил суралцсан. Телевиз, кино, театрын урлагт ажиллалаа.

-Морин толгойтой хуураа та “Говийн домог” кинонд сайхан мөнхөллөө дөө?

-Монголын ард түмнийг морин хуургүйгээр төсөөлөхийн арга байхгүй. Өнөөгийн залуус морин хуурыг бидний үеийнхэн шиг мэдэрч, мэдэхгүй. “Энэ морин хуур шүү” гэж заахад ойлгоход хэцүү. Харин уран сайхны маягаар киногоор дамжуулж морин хуураа дээдлэх, үндэсний бодит бус өв соёлоо мэдрэхэд “Говийн домог” кино хувь нэмрээ оруулсан болов уу. Морин хуур хөгжим ганцхан Монголынх гэдгийг бид баталгаажуулж авах ёстой. Дэлхий дээр морин хуур сонирхдог олон хүн гарч ирсэн. Урд, хойд хөршийнхөн хөгжимдөж байна. Япончуудын сурах бичигт морин хуурын тухай орсон. Тиймээс монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн өв соёл юм гэдгийг хойч үедээ мэдрүүлэх ёстой. Тиймээс “Би морин хуурын тухай кино хийхгүй бол өөр хэн хийх вэ” гэсэн бодол надад байсан. Миний сайных биш. Яагаад гэвэл би морин хуурч хүн, хөгжим зохиодог. Дээр нь кино найруулагчийн мэргэжилтэй. Бас кино хийх баг надад байна. Нас маань одоо хэд хүрч байгаа билээ. Энэ насандаа хийж авахгүй бол болохгүй байсан.

-Та одоо хэдтэй юм бэ?

-Би чинь 1959 оны хүн шүү дээ.

-Хүн чанаргүй хүн олигтой уран бүтээл туурвидаггүй гэлцдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Урлаг ямар ч хүний сэтгэлийг зөөлрүүлдэг. Урлагийн ямар ч төрлийг сонгосон хүн ямар ч шалгуурыг сайхан сэтгэл, зөөлөн сэтгэлээрээ даван гэтэлж урлагийг л сонгодог. Урлагийн гэсэн бүх хүнийг анзаараад үзээрэй. Ямар ч гэсэн тэгтлээ муухай аашлаад байхгүй. Арай л нандин мэдрэмжтэй, аливааг өөр өнцгөөс хардаг, баруун тархи нь хөгжчихсөн хүмүүс байдаг. “UBS” телевизийн “Баруун тархи” нэвтрүүлэг ч энэ талаар хөндөж байгаа. Гэгээлэг зүйлийг мөрөөдөж боддог, гэгээн үйлдлийг хийдэг хүмүүс байдаг гэж энд тэндээс уншсан даа. Би баруун тархи нь хөгжсөн төгс төгөлдөр хүн зуун хувь болж чадахгүй ч гэсэн тийм хүмүүжлээр хүүхэд залуус маань хүмүүжээсэй гэж боддог учраас эх орны тухай дуунууд бичдэг. Миний уран бүтээлийн жаран хувийг эх орны сэдэвтэй дуу эзэлдэг. “Содура” киногоороо ч энэ тухай өгүүлэхийг эрмэлзсэн.

-Өнөө цагт хүн чанар байхгүй боллоо гэцгээх юм. Танд анзаарагдаж байна уу. Хүүхдээ хүмүүжүүлж чадахаа больсон ч юм уу?

-Хүүхдийн хүмүүжилд эцэг эх, багш нар, уран бүтээлч бид л анхаарах ёстой. Дэлхий даяаршсан ийм үеийн аж байдлыг бидний хүүхэд үеийнхтэй яаж харьцуулахав. Бидний үед ахмадаа хүндэлдэг, дээдсээ дээдэлдэг байлаа. Тэрэнтэй харьцуулахад хэцүү. Гэхдээ монгол хүүхдүүд бусад орны хүүхдүүдийн дэргэд харьцангуй зөөлөн сэтгэлтэй. Ямар ч байсан цагаан сараар эцэг эхтэйгээ очиж золгоно. Үндэсний ёс заншлууд маань тэртэй тэргүй хүмүүжүүлчихдэг. Оройтоогүй дээрээ хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээ суулгах хэрэгтэй. Монгол оронд монгол хүн болж төрнө гэдэг их хувь заяа гэдгийг ойлгуулах учиртай. Эцэг эхээ хайрлах ёстой. Тэгээд дээрээс нь өөрийгөө хайрлаж хүндлэх чухал. Хүн болж төрнө гэдэг асар их хувь заяа. Монгол иргэд маань нэг нэг айлд орж суучихаад “Манай гэр муухай байна” гээд байвал утгагүй. Голомтоо тойрч сууж байгаад гэм зэмээ ярих учиртай. Эндээ, эх орондоо амьдрах нөхцөлийг бид хойч үедээ бий болгож өгөх ёстой. Бие нь явсан ч сэтгэл зүрхийг нь уран бүтээлээрээ Монголдоо уях юм сан. Ямар сайндаа би “Гүрэн Монгол чинь хүлээж байна” гэж дуу хүртэл зохиохов.

-Зундуйн Хангал гэж нэг гайхамшигтай хөгжмийн зохиолчтой таныг их ойр байсан гэдэг дээ?

-З.Хангал бол миний багш. Нэрт хөгжмийн зохиолч хүн. Тэр бол зөвхөн хөгжмийн зохиолч хүн байгаагүй Монголын урлагт тохиосон үзэгдэл байсан. Богинохон хугацаанд амьдарсан ч асар их зүйлийг бүтээж ард түмэндээ үлдээсэн уран бүтээлч. Гайхалтай, гайхамшигтай төрмөл авьяастан байлаа. Би яагаад багш гэдэг гэхээр Хөгжим, бүжгийн сургуульд сурч байхад бидэнд хөгжмийн онол, түүхийн хичээл орж байсан. Орчин үеийн хөгжмийг морин хууртай хослуулах мэдрэмжийг Хангал багш маань төрүүлсэн юм. Зохиолууд нь нийгмээс асар их түрүүлж явсан. Төрсөн дүү Зундарь гэж “Соёл-Эрдэнэ” чуулгын том уран бүтээлч, хөгжмийн зохиолч байсан. Гэр бүлээрээ авьяастай хүмүүс.

-Агуу их Хангал очдог байсан гэхээр Бөмбөгөрийн Өвгөнтийн хөндий алдрын диваажин байсан ч юм шиг гэж нэг хүн цахимд сэтгэгдлээ оруулсан байсан даа?

-Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг дээ. Манай Хангал багш хүнийг дугаарлаж үзэлгүй, хэнтэй ч найзалж нөхөрлөдөг, хэлэх үгээ хаана ч хэлдэг жинхэнэ эр хүн байсан. Тиймээс найз нөхөд нь хаана ч байсан байж болно. Бид шавь нар нь учраас тэр талаар нарийн сайн мэдэхгүй, харин уран бүтээлийг нь бишрэн шүтдэг байсан даа.

-“Миний дуунууд-2018” тоглолт тань өмнөх тоглолтуудаас юугаараа онцлог болох бол?

-“Миний дуунууд” тоглолт жил бүр оноороо нэрлэгддэг байсан болохоор тухайн онд хийсэн бүтээлүүд түлхүү ордог байсан. Энэ жилийн “Миний дуунууд” тоглолтын хорин жил болж байгаа учраас хорин жилийн тайлан гэчихэд болно. Ерэн есөн оны тоглолт дээр дуулагдаж байсан дуунууд ч дуулагдаж болно. Ноднингийн дуу ч орж болно. Энэ жил хийж байгаа уран бүтээлүүд ч бас байна. Хорин жилийн дотор тоглолтын тайз дэлгэц ч их өөрчлөгдсөн. Ерэн есөн онд гавьяат жүжигчин Т.Ариунаа давхар биетэй дуулж байлаа. Тэгсэн одоо хүү нь хорин нас хүрчихээд гадаадад сая сургуульд явлаа. Энэ хорин жилийн дотор манай рок, попынхон уран бүтээлээ хийж л байсан. Дурсамж сэргээж, уран бүтээлийн түүх харуулсан, өнөөдөртэйгөө хосолсон тийм л тоглолт болно доо. “Миний дуунууд-2018” тоглолт энэ сарын 26, 27-нд “UB palace”-ын концертын их танхимд болно. Арваннэгдүгээр сарын 10-нд “My music” буюу “Миний хөгжим” тоглолтод Монгол Улсын филармонийн симфони найрал хөгжим, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ, Морин хуурын чуулга, Монгол Улсын консерваторийн уран бүтээлчид “Говийн домог”, “Содура”, “Зүрхэнд гэрэлтэх одод”, “Мартагдашгүй намар-2” зэрэг киноны хөгжмийн бүтээлүүд, морин хуурын гоцлол, хийлийн гоцлол зэрэг миний хөгжмийн бүтээлүүд тоглогдоно.


Categories
мэдээ цаг-үе

А.Амарсайхан: “Эрт нахиалсан сарнай киногоороо өв соёл, хүн чанар алдагдаж буйг сануулах гэж хичээсэн

МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт зохиолч, шог зураач Алтангэрэлийн Амарсайхантай ярилцлаа.


-Таны зохиолоор бүтээсэн “Эрт нахиалсан сарнай” кино “Academy Awards 2018” наадмын “Шилдэг олон ангит уран сайхны кино” шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Кино бол хамтын бүтээл. Тэгэхээр киноны тухай ярих гэж байгаа бол бид гэж ярих ёстой. Бид “Эрт нахиалсан сарнай” киногоо бүтээхдээ Монгол үндэстний үнэт өв уртын дууны сайхныг залуучуудад мэдрүүлэх юмсан гэж зорьсон. Уртын дуу хэмээх агуу зүйлийн сүлд хийморь биднийг тэтгэж энэ шагналын тавцан өөд хөтөлсөн болов уу. Монголд анх удаа олон ангит киног бүрэн хэмжээний уран сайхны киноны форматаар богино сценүүдтэйгээр бичсэн учраас маш нүсэр ажиллагаатай болсон. Зохиол нь хоёр жил дамнан бичигдэж, зураг авалт нь бүтэн жилийн турш үргэлжилсэн. Энэ бүхнийг давж гарч, киногоо амжилттай бүтээсэн киноны нийт уран бүтээлчид, МҮОНТ-д маш их баярлалаа гэж хэлэх ёстой.

-Зохиолоо анх ямар санаа сэдлээр бүтээв. Кино зохиолын зорилго юу вэ?

-Бидний наад талдаа тавьсан зорилго бол кино эфирт цацагдаж дуусахад Монголын залуус уртын дууны сайхныг мэдрээд, дуртай болоосой гэж бодсон. Манай түүхэн үнэт дурсгалуудыг шуналтнууд гадагшаа хайр найргүй зардаг болсон. Энэ тухай хаана хаанаа бодож, сэрэмж аваасай гэсэн санааг бас хийж өгсөн. Харин цаад зорилго бол их том. Кино “Өнчин цагаан ботго” дуугаар эхэлдэг. Энэ дууг өнгөц сонсоход эхийгээ алдсан ботгоны тухай дуу мэт. Гэтэл сайтар бодож тунгаагаад үзэхээр хүмүүний сэтгэлийг өгүүлсэн дуу байдаг. Бүр цаашлаад хүн эх орноосоо салбал ямар хүнд зовлонд унах вэ гэдгийг өвөг дээдэс минь бидэндээ давхар захиад хэлчихсэн ч юм шиг. Уртын дууны энэ бүх далд санаануудыг ганц хоёр ч болов үзэгч ойлгоосой, мэдрээсэй гэж бид зорьсон. Бас мөнхийн сэдэв болох хүн чанарын тухай киноны туршид нэвт өгүүлж, янз бүрийн бодрол, сэрэхүй, мэдрэмжүүд төрөхөөр агшнуудыг шигтгэж өгсөн байгаа.

-Таныг ажаад байхад голдуу л МҮОНТ-тэй хамтраад ажиллачихсан байх юм?

-МҮОНТ-ийн алтан босго надад ээлтэй байдаг юм. Анх “Тоншуул” сэтгүүлд ажиллаж байхдаа, 2005 оны цагаан сараар “Аман хуур” киноноос сэдэвлэсэн хошин зохиомж бичиж, түүнийг маань МҮОНТ-ийн уран бүтээлчид, “Өнгөт инээд” хамтлагийн жүжигчидтэй хамтран бүтээл болгож эфирт гаргаж байсан. “Зохиолч А.Амарсайхан” гэсэн нэрийг маань хүн анзаарахгүй болов уу гэж бодтол зөндөө олон хүн үзчихсэн баяр хүргэж байсан. Дараа нь “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Огцом эргэлт” гээд гурван зохиолыг маань энэ телевизийн уран бүтээлчид кино болгон амилуулж, түмэнд хүргэсэн. Манай авга ахынх Баянхошуунд аж төрдөг, цагаан сарын өглөө авгадаа золгох гээд МҮОНТ-ийн өмнүүр гарахдаа заавал зогсож МҮОНТ-ийн өндөр цамхагт сүслэн мөргөдөг. Би энэ телевиз, энэ хамт олныг үргэлж биширч, хүндэтгэж явах ёстой хүн.

-“Эрт нахиалсан сарнай” руугаа эргээд оръё. Нэрний хувьд содон ч юм шиг, сонин ч юм шиг?

-Анх уран бүтээлийн нэр байг, явцын дунд солино доо гээд явж байсан. Гэтэл найруулагч Б.Гантулга маань “Нэрээ солихгүй шүү, Амараа” гэсэн. Зарим нэг уран бүтээлчид шүүмжлээд л. Мод л нахиалдаг болохоос цэцэг нахиалдаггүй гэцгээсэн. Хэл шинжлэлийн эрдэмтдээс бүр зорьж очоод асуутал буруугүй гэсэн. Тайлбар толинд ургамлын дөнгөж соёолж ургаж буй хэсэг гэсэн утгатай тайлбар байдаг юм билээ. Киноны төгсгөлд Билэгт гэдэг хичээлийн эрхлэгч бүсгүй “Цагаасаа эрт нахиалчихаад, ургаж ядаж байгаа сарнайг хагдрах уу, ургах уу гэдгийг та бид шийдэх гэж байна” хэмээн хэлдэг. Үүнд л киноны гол утга зангилагдчихаж байгаа юм. Гол дүр Анир хэмээх уртын дууны авьяастай өнчин охин энэ ороо бусгаа бараан нийгэмд цагаасаа эрт нахиалчих гээд, унаж босоод л яваад байгаа тухай өгүүлсэн кино.

-Киног ажиглаад байхад нээрээ л нүсэр ажиллагаатай харагддаг. Арвангуравдугаар зуун ч ороод ирэх, уртын дуучин охин ч яваад байх, гэмт бүлэглэл ч ажиллаад л байх юм?

-Арвангуравдугаар зуунд Хүлэгү хааны өөрийн захиалгаар бүтээгдэж, Хаан өөрөө хэрэглэж байсан гэх ихэр алтан толь киноны нэг шугам болж өгдөг. Энэ толийг судалж Чингис хааны ач хүү Хүлэгү хаан яг өөрөө захиалж хийлгэсэн болохыг нь батлах гээд нэгэн турк судлаач бүсгүй яваад байдаг. Харин Монголд байгаа нэг толийг нь гартаа оруулах гээд гэмт бүлэглэл хөөцөлдөөд байдаг. Харин тэр толь нь Сонор гэх оюутан залуугийн гэрт, сохор азаар л дээрэмчдийн гараас мултарч үлдээд байгаа түүх гарна. Мяраалаг тул “Бүдүүнээ” гэж хочлуулсан Анир гэх охин “Үндэсний авьяас” тэмцээнд орж уртын дууны авьяасаа нээж, “Төвөргөөн” хэмээх шаггүй алдартай хамтлагт орсноор дуучин болох гараагаа эхэлдэг. Гэтэл Арван долоохон настай охин хамтлагийн ахлагч 25-тай Тэргэлтэй хайр сэтгэлтэй болсноор нийгэм энэ хоёрыг ойлгохгүй бөөн асуудал үүсдэг. Энэ бас нэг шугам нь болдог.

-Алтан толины түүх нь бодит уу?

-Зохиомол түүх. Анх бичихдээ адал явдал оруулъя гэж бодсон. Бичилтийн явцад нэгэн санаа төрсөн. Энэ алтан толины төлөөх тэмцэлдээн, алаан нь цаагуураа алт эрдэнэс алдчихаад хайгаад байгаа явдал биш, хүн хэмээгч хүн чанараа алдчихаад түүнийхээ араас үхэн хатан хөөцөлдөөд ч байгаа юм уу гэх далд санааг шигтгэж өгсөн. Түрүүнд хэлсэн, улсынхаа түүхэн үнэт зүйлсийг хайр найргүй зарж байгааг ч хөндөж үзүүлье, хүмүүнд бодрол сэрэхүй төрүүлье ч гэж бодсон. Кино маань МҮОНТ анх удаа гадаад улстай ОАУСК-ны салбарт хамтарч ажилласнаараа бас нэгэн түүхийг шинээр бичсэн.

-Кино хамтын бүтээл гэж та түрүүн хэлсэн. Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажилласан бэ?

-Анх надад МҮОНТ-ийн продюссер А.Сарантуяа гэдэг бүсгүй ирж Турктэй хамтарсан кино хийе гэдэг санал тавьж байсан. Энэ хүн киноны маш их ажлыг нугалсан. Хоёр жилийн турш зохиол бичигдэх явцад хэд хэдэн хүн найруулагчаар томилогдсон. Энэ дундаас Боролдой С.Мягмар гуай зохиолыг хөгжүүлэх тал дээр сүрхий шинэлэг санаануудыг гаргаж дэвшүүлсэн. Дэлхийг байлдан дагуулаад байгаа кинонууд шиг бүрэн хэмжээний уран сайхны киноны форматаар бичих санааг ч сэдсэн. Тэгээд л би махаа идэж, зовж сууж зохиолоо гурав дахь удаагаа шинэчлэн бичсэн. Хоёр жил дамнан яригдаад зөвхөн “яриа” л байгаад байсан зохиолыг кино болгох шийдвэрийг МҮОНТ-ийн захирал Л.Нинжжамц гаргасан. Ингэж л галт тэрэг хөдөлсөн. Харин анх бичигдэхдээ энгийн тв-драма байсан зохиол маань бүрэн хэмжээний уран сайхны кино шиг бичилттэй болчихсон болохоор хөрөнгө санхүү дутагдаж, кино бүтээх хугацаа гурав дахин уртасч, маш том бэрхшээлтэй тулгарсан. Ямар ч гэсэн маргаж, хэлэлцэж, “тулалдсаар” байгаад киноныхоо зураг авалтыг нугалж чадсан Б.Гантулга найруулагчдаа, дээр дурдсан бүх хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой.

-Гадаадад кино зураг авна гэдэг ярвигтай ажил. Турк дэх зураг авалтууд бас нэлээд хүндрэл дагуулсан биз?

-Турк дэх ажлыг маань нугалсан хүн бол МҮОНТ-ийн Мэдээний сувгийн захирал болсон Р.Гандиймаа. Туркийн нэг ч кино компани одоогоор уран сайхны киноны зураг авалт хийж дийлээгүй байгаа Топкапын ордон музейд ч хүртэл зураг авалт хийж чадсан. Туркийн элчин сайдын яам, хамтын ажилагааны “ТИКА” байгууллага тусалсан. Тэнд сурдаг оюутны байгууллагын дарга Балжаа гэдэг залуу гэхэд л орчуулга хийгээд чин сэтгэлээсээ гүйсэн байдаг. Би өөрөө Туркийн зураг авалтад яваагүй болохоор хүн үлдээсэн байж магадгүй шүү.

-Та олон ангит киногоор ер нь мэргэшчихэв ээ дээ?

-Анх “Хэцүү анги” гарсны дараа зохиолчид намайг “Тоншуулын Амараа” гэдэг байснаа болиод “Хэцүү ангийн Амараа” гэж нэрлэдэг болсон. Дараа нь “Тусгай салаа” гарч олон түмэнд хүрсний дараа “Тусгай салааны Амараа” гэдэг болсон. Энэ төрөл жанраар олон түмэнд хүрсэн хэд хэдэн уран бүтээл хийчихлээ. Гэлээ гээд мэргэшчихлээ гэж онгирохгүй ээ, алдас болно. Дөртэй болчихсон гэвэл онох байх. Одоо энэ төрлөөрөө дагнах шахуу уран бүтээл эрхлээд, чөлөөт уран бүтээлчийн статустайгаар, дээрээ даргагүй, дэргэдээ цэрэггүй санаа амар сайхан л явж байна. Олон зохиолыг маань продюсерлэн, “эх барьж” авсан МҮОНТ-ийн захирал байсан Ц.Оюундарь нэг удаагийн хүлээн авалт дээр их гоё хэлсэн дээ. “Амарсайхан гэж нэг амар сайхан хүн байдаг юм” гээд. Ардаа өөр ажил төрөл, татлаа түлхээгүй болохоор уран бүтээл дээрээ дагнаад суучихдаг, киноны зохиолууд их түргэн бичигдэж гардаг. Зөвхөн кинондоо л бүх анхаарлаа төвлөрүүлж чаддаг болохоор тэгж хэлсэн хэрэг л дээ.

-Нэг юманд л төвлөрчихөөр ар гэр гэж нэг зүйл бий. Энийг авч явдаг хүнийхээ тухай, гэр бүлийнхээ тухай ярих хэрэгтэй болов уу?

-Миний зээ М.Мөнх-Очир гээд долоон настай нөхөр бий. “Аамаа зөвхөн гуравхан ажил хийдэг. Гараа угаадаг, компьютер дээр суудаг, хоол иддэг” гэсэн удаатай. Нээрээ л гэрийн ажилд тэр бүр оролцоод байж чаддаггүй. Гэрийг минь авч явдаг, миний хань Ш.Цэвэлмаа гэж бүсгүй бий. “Таван Богд Вашёкү” компанийн хүний нөөцийн менежер хүн. “Нагоми”, “Сакура” гээд япон ресторануудын сүлжээ, “Мираж” ресторанд хэн ажиллахыг шийдэж, хүмүүсийг нь сургаж хөгжүүлж байдаг хүн. ОАУСК-ны зохиолыг минь бүрэн уншдаг гэвэл худлаа л даа. Зарим нэг болж өгөхгүй байгаа ангиудаа уншуулж санаа хэлүүлэх үе гарна. Шог өгүүллэгүүдийг маань уншиж, шог зургийг маань үзэж, анхны шүүмжлэгч болдог. Аав минь Бэгзийн Алтангэрэл гээд математикийн багш хүн. Говь-Алтайн толгой багш нарын нэг. Аав гүнзгийрүүлсэн сургалттай анги төгсгөж байгаа жилийн Говь-Алтайн конкурсэд эхний 40 байр дундаа ганц хоёрхон завсартайгаар аавын ангийн хүүхдүүд “давхидаг” байсан. Ээж харин Хүрэлээгийн Загд гээд монгол хэл-уран зохиолын багш хүн. Эд хөрөнгө биш бүтэн хана эзэлсэн тавиураар дүүрэн ном цуглуулсан айлд л өссөн хүүхэд дээ, би.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна вэ?

-Саяхан “Ёж философи” гээд шог зохиол, шог зургийн номоо хэвлүүлсэн. 1980-аад оны амьдралаар 100 ангитай кино бүтээхээр зохиолын ажилдаа орчихсон явж байна. Мах сүүний оочер, пянз жийнсний наймаа, шугам жагсаал, шугамын радио гээд л бүх содон дурсамжууд тэр киноноос минь харагдана. Тэр үеийн залуусын нандин хайр сэтгэл ч гарна. Одоо үндсэн зохиолдоо орчихсон, сая гучдугаар ангийн зохиолоо продюсерүүд рүүгээ илгээлээ. Төрөх гээд дуншиж байгаа энэ киноныхоо амьдрал руу бүрэн шингээд орчихсон, бодит амьдралаасаа тасраад алга болчихсон нэг хүн л явж байна даа. Аятайхан кино төрнө гэдэгт итгэлтэй, өдөр шөнөгүй л зохиолоо нухаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Академич Бадрахын Жадамба: МУБИС эрдэмтэй багш нарыг бэлтгэнэ

-ЭРДЭМ ГЭДЭГ ЭВ ДҮЙ, ЁСЗҮЙ, АРГА ЗҮЙ ГУРАВ ЮМ-

МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсролын суурь судалгааны эрхлэгч, академич, доктор, профессор, Монголын Багш нарын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Бадрахын Жадамбатай уулзаж ярилцлаа. Архангай аймгийн Цахир сумын уугуул эл эрхэм МУИС-ийн физикийн ангид 1972-1977 онд суралцаж төгсөн, ШУА-д хоёр жил ажиллан, улмаар МУИС-д багшаар томилогдсон байна.


-Монгол Улсын боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм хүмүүн танд Монголын багш нарын баярын мэндийг хүргэе!

-Монголын болон дэлхийн багш нарын баярын өдрийг тохиолдуулан Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүст баярын мэнд дэвшүүлье.

-Та хэддэх жилдээ багшилж байна?

-Би боловсролын салбарт 1977 оноос дөч гаруй ажиллаж байгаа хүн. МУИС-д ажиллаж ажлын гараагаа эхэлж байлаа. Дараа нь ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэгийн багш нартай ажилладаг Монголын багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын захирлаар нэлээд олон жил ажилласан. Улсын багшийн дээд сургуулийг 1990 онд Улсын багшийн их сургууль болох үеэс хойш хувь заяа минь энэ сургуультай холбогдон захирлаар нь 11 жил ажилласан.

-Монголчууд багшаа бурхантай жишин хүндэлж дээдэлдэг ард түмэн. Багш хүнээс мэргэжлийнх нь талаар сонирхвол юу гэх нь сонин байна?

-Багш хүн бол буянтай бөгөөд хамгийн сайхан ажил. Би үүгээр их бахархаж явдаг. Энд тэнд хаа ч явж байсан “Багш аа” гээд угтах хамгийн сайхан хүндлэл. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд байхад хөдөө гадаа, сум баг гээд эх орны өнцөг булан бүрт явж байхдаа олон шавь нартайгаа таарна. Би одоо ч Данидагийн төслөөр сургууль, багш нартай нягт холбоотой ажилладаг.

-Ахмад багшийн хувьд багш нарт хэлэх үнэт сургаал олон байгаа даа?

-Монголын ирээдүйн их хувь заяа бүх төвшний сургуульд багшилж буй багшаас асар их хамаарна. Монголын багш нарын холбоо бол багшийн хөгжлийг дэмждэг мэргэжлийн байгууллага. Өнөөдөр ажиллаж буй бүх багш нар ажлынхаа байран дээр хөгжих тал дээр маш их анхаарах шаардлагатай боллоо. Саяхан Багшийн хөгжлийн тухай хууль батлагдлаа. Сургууль болгон дээр Багш хөгжлийн төв нээгдлээ. Багш нар маань ажлынхаа байран дээр хөгжих, зөвхөн өөрсдөө хөгжих биш шавь нараа хөгжих аргад сургах зүйлд анхаармаар байна. Энэ онд манай холбооны тавьж байгаа зорилго бол ер нь бүх шатны сургуулийн багш нараа эрдэмжүүлэх, эрдэмтэй болгох ажилд анхаарал тавья гэж байгаа.

-Эрдэм ном заадаг багш нараа эрдэмжүүлнэ гэж юу гэсэн үг билээ?

-Яагаад тэгж байна гэхээр өнөөдөр Монголд өндөр боловсролтой хүн хэрэггүй, эрдэмтэй хүн хэрэгтэй. Эрдэмтэй гэхээр улсууд жаахан буруу ойлгоод байдаг. Эрдэмтэй гэж эрдмийн том зэрэг цол хамгаалсан гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хийж буй өдөр тутмын үйл ажиллагааг байнга ажиглан, эрэгцүүлээд, түүнийгээ үргэлж сайжруулж явдаг багш хэрэгтэй болоод байна. Орчин цагт нийгэм, соёлын орчин маань цагаас цаг тутамд маш хурдтай өөрчлөгдөж байгаа учраас өнөөдөр бид тийм өндөр чадвартай, тийм чадамжтай багш бэлдэнэ гэдэг дэлхий нийтийн хандлага өөрчлөгдөн ерөөсөө ажлынхаа байран дээр тасралтгүй хөгжиж байдаг багш бэлдэнэ гэх болсон. Монгол Улсад орчин цагийн багш, боловсролын тогтолцоо 1921 онд үүссэнээс хойш бараг зуугаад жил болж байна. Бид энэ хугацаанд гадаад улс орнуудын туршлага, өөрийн уламжлал соёл аль алиныг аваад өөрийн гэсэн багш боловсролын тогтолцоог бүрдүүлж чадсан. Гэхдээ багшаа хөгжүүлэх талаар уламжлал, шинэчлэлийн харьцааг зөв зохистой авч явж чадаагүй нь тод харагдаж байна. Шинэчлэлийг давамгайлж, уламжлалаа орхигдуулсан тал бий.

-Ямар уламжлалаа орхигдуулсан бол?

-Монголчууд хүмүүнээр хүн хийх гайхамшигт ухааныг бүтээсэн ард түмэн. Тэр уламжлалаа умартаад гадны шинэчлэл, даяарчлалд өртөөд явж байгаа. Бид хөдөө орон нутагт судалгаа хийж байхдаа “Танай нутагт эрдэмтэй хүн хэн байна” гэж асуухаар зааж өгсөн хүн нь сургууль төгсөөгүй, дөрөвдүгээр ангийн боловсролтой тийм хүн байдаг. Тухайн хүн ажлын байр гаргаад, өөрөө сайхан амьдраад, олныхоо дунд нэр хүндтэй болсон хүн байдаг. Өөрөөр хэлбэл эрдэмтэй хүн гэж ёс зүйтэй, эв дүйтэй, арга зүйтэй хүнийг хэлээд байгаа юм. Өнөөдөр ийм л хүн монголд хэрэгтэй. Бид багшлахаас гадна өөрсдийн шавь нараа ийм аргад сургах юм бол албан ажил хашихдаа яг ёс журмын дагуу хашдаг хүмүүс бий болох юм. Одоо цагт алба хашихдаа “Миний хийсэн ажил ямар үр дүнтэй байна, болж байна уу, үгүй байна уу” гэж бүх шатанд мөрдөх хэрэгтэй байна. Ингэж тасралтгүй ажиллах л УИХ-ын гишүүн ч бай, төрийн алба хашиж байгаа хэнд ч их хэрэгтэй байна. Тасралтгүй гэдэг чинь залгамж чанартай болно гэсэн үг. Нэг хууль баталлаа гэхэд хуулиа хэрэгжүүлж, үр дүнг нь хараад нөгөө хуулиа байнга сайжруулаад явах юм. Тэрнээс цоо шинээр юм бүтээгээд байдаггүй хүнийг эрдэмтэй хүн гэнэ. Ийм эрдэмтэй гэх хүн одоо хөдөө орон нутагт байна л даа. Эрдэмтэй гэхийг эрдэм бүхий, эв дүйтэй, арга зүйтэй, ёс зүйтэй хүн гэж ойлгоход болно. Ийм хүн бэлтгэж чадвал дэлхий нийтэд яриад байгаа тогтвортой хөгжихүйц боловсролтой багш бэлтгэх асуудал аяндаа хэрэгжинэ.

-Энэ талаар та бүхэн ямар ажлуудыг хийж байна вэ?

-Бид боловсролд асар их зүйлийг хийж байна. Хийсэн гэдгээсээ илүүтэй цаашид хийх зүйлдээ анхаармаар байгаа юм. Манай улсад хүмүүс ядуурч байна, ядуурлыг бууруулна гээд их ярьдаг. Монгол сэтгэлгээ жаахан өөр юм. Ядуурлыг дээрээс бууруулна гэхгүй. Ерөөсөө ядуурал гэдэг хувь хүнтэй, тэр хүний боловсролтой холбоотой зүйл. Тийм учраас манай өнөөгийн багш нар, залуу хойч үе юуг их анхаарах вэ гэхээр бидний бэлдээд байгаа, боловсрол олгоод байгаа зүйл хүмүүсийн ядуурлыг сааруулахад хэр зэрэг тус болж байна гэдгийг үргэлж бодож байх ёстой. Магадгүй ядуурлын ихэнхи хувь боловсролтой холбоотой байж мэдэх талтай. Өөрөөр хэлбэл ажлын байрыг дээрээс гаргаж өгнө гэж хүлээгээд суух биш өөрөө ажлын байраа бий болгоод ажиллаж аж төрж буй хүнийг л эрдэмтэй хүн гэдэг юм байна. Цагаан идээний үйлдвэрлэл эрхэлж байгаа, дээл хувцас оёж өөрөө ажлын байр бий болгож буй хүн бол эрдэмтэй хүн юм. “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг шиг л хүмүүн бидэнд хэрэгтэй. Монгол маань ингэж хүн бүрийн оролцоотойгоор хөгжихөөс биш ажлын байр бий болгож өгнө гэж суугаад байснаар хөгжихгүй.

-Эрдэм, боловсрол гэдэг хоёр өөр ойлголт болох нь ээ?

-Монгол хэлэнд эрдэм боловсролтой гэж ярина. Боловсрол гэдэг нь хүмүүсийн бүтээгээд тавьчихсан, барууныхаар бол соёл юм уу, соёл дамжуулах үйл явцыг хэлээд байгаа юм. Эрдэм гэдэг бол тэрийг бүтээх арга юм. Монгол хүн “Эдийн чанар эвэндээ, эрдмийн чанар аргандаа” гэж ярьдаг. Өнөөдрийн багш нарын хамгийн чухал юм бол тодорхой ухагдахуун заах биш аргыг нь зааж өгөх. Бид “Загасыг нь барьж өгөхгүй, загас барих аргыг нь зааж өгнө” гэж ярьдаг л даа. Загасыг нь барьж өгөх гээд зүтгээд байдгийг өөрчлөх нь бидний гол зорилт. Эрдэмтэй, эрдэм бүхий багш гэдэг нь аргыг нь зааж өгдөг хүн юм. Тиймээс Багш хөгжлийн төвөө ашиглах хэрэгтэй. Монголчууд эрт дээр үеэсээ эрдмийг эв, сэтгэл гэж ойлгодог. Багш нарын цалин бага, нийгмийн байдал хэцүүхэн байгаа. Багш нар маань намраас хойш нэлээд хөдөлгөөн өрнүүллээ. Цалин ч бага багаар нэмэгдэх шинжтэй. Тэгэхээр багш нар ажилдаа сэтгэлтэй байх хэрэгтэй. Бидэнд мэдлэг дутаагүй, арга дутаагүй, жаахан сэтгэл дутаад байгааг би багш нарт хэлдэг. Тиймээс уламжлалыг сайн судлаач ээ гэж хэлье. Өрөөлийг хараад өөрийгөө орхичих гээд байгаа учраас Монголын сайхан уламжлал дотор бидний хийх зүйлийг заагаад өгчихсөн байна.

-Боловсролын талаар үе үеийн төр засаг гол анхаарлаа хандуулж ирсэн нь тодорхой. Аль үеийнх нь хууль дүрэмд амин чухал зүйл заалт орсон байдаг бол?

-Боловсролын тухай хамгийн тод заасан нь 1924 оны Үндсэн хууль байна. Их нарийн үзвэл тэнд нарийн юм байх шиг байгаа юм. Жишээ нь боловсролын зорилгыг юу гэж заасан гэхээр “Жинхэнэ олон ардыг эрдэм соёлд гэгээрүүлж, элдэв ухааны эрдэмд сургана” гэж заасан. Ухаанд сургана гээгүй байгаа биз. Тэрнээс хойш эрдэм гэдэг үг чинь хасагдсаар байгаад сүүлдээ боловсрол болоод явчихсан. Монголчуудын үнэт зүйлийн эхнийхэд эв, тэгээд эрдэм ордог. Боловсрол гэж юу вэ гэж энд тэндхийн элдэв долоон ном үзээд байхаас илүү монгол хэлээ их үзмээр байгаа юм. Монгол хэлний тайлбар толинд боловсролыг “Алив үйл, түүний үр дүн” гэсэн байгаа. Хүн аливаа зүйлийг хийгээд байхад гарах үр дүн дүн нь боловсрол. Тэрнээс өөрөө сурдаг, үйл хийдэг нь эрдэм. Тийм учраас “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг үгийн л учрыг олох хэрэгтэй. Дархан хүн яагаад бурхан ухаантай болдог гэхээр нэг юмыг хийх тусмаа сайжруулаад байдаг учраас ухаан нь үргэлж тэлж байдаг. Тиймээс МУБИС багш нараа эрдэмтэй болгоё гэдэг дээр нэлээд анхаарч ажиллах зорилготой байгаа.

-Багш нар нийгмийг манлайлж явсан тэргүүний хүмүүс дээ. Өнөө харин жаахан үнэлэмж буурсан шиг санагддаг?

-Багшийг монголчууд бурханчлан шүтдэг байсан. Багш өөрөө хүнийг хөгжүүлж, хүмүүсийг хошуучилж явдаг хүн. Ес суртахууны хувьд ч, сэтгэл санааны хувьд ч, арга зүйн хувьд ч хошуучилж явдаг хүн учраас багшийг эрдэмтэй хүн гэдэг байсан. Нэг үгээр багш гэдэг бол эрдэм сурах аргыг өөрөө олоод мэдчихдэг. Шавь нартаа зааж явсаар аргыг нь олж мэдээд хүнд өвлүүлдэг. Багш нар маань өөрсдөө хөгжөөд ирвэл олны дундах нэр хүнд сайжирна. Эрдэмтэй хүн гэдэг өөрөө элдэвтэй, эв дүйтэй, ёс зүйтэй байдаг. Аливааг хийхдээ хүмүүстэй эвлээд явдаг болчихдог учраас эрдмийн дээд эв гэдэг тэр. Багш хүний ёс зүй аяндаа бий болдог болохоор ийм тийм дүрмээр явна гэсний дагуу ч бий болчихдоггүй. Хүн гээч гайхамшигтай амьтны юм бүтээх, хөгжих боломж зөвхөн өөрт нь байдаг. Тэр боломжийг нээж өгөх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Багш, сургууль маань хүүхэд, эцэг эхтэй тулж ажиллах шаардлагатай байна. Багш хүүхдийг эцэг эхтэй нь хамтарч хөгжүүлэх арга зүйг нэвтрүүлмээр байгаа. Багш нар хамтарч хөгжихөд анхаарах хэрэгтэй. Дандаа Дэмчигдорж гэдэг хүн “Бүх багшийн ёс эрдэм нь өөр боловч ёс нь ижил” гэж 1923 онд хэлсэн байгаа юм. Физик, монгол хэлний багш гэж ялгаатай боловч эрдэм сургадаг нь ижил. Өөрөөр хэлбэл юмыг ажиглуулаад, дараа нь эрэгцүүлүүлж хийлгэж үзүүлж, өөрийг нь ажиллуулж хөгжүүлдэг энэ арга зүй монгол хэл дээр ч, математикийн хичээл дээр ч байна. Тийм учраас эрдэм сургах нь бүх багшийн ёс байх учиртай.

-МУБИС-ийн хувьд эрдэмтэй багш бэлтгэх ажил ямар төвшинд явж байна вэ?

-Энэ чиглэлийн ажлууд хийгдэж байгаа. Өөрөө эрдэм сураагүй хүн бусдыг эрдэмд сургаж чадахгүй. Өнөөдөр дэлхийн чиг хандлагыг ажаад байхад боловсролын гурван том зорилт тавиад байгаа. Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол гэдгийг 1972 оноос өнөөг хүртэл хэрэгжүүлэх гэж ярьсаар байгаа. Дэлхий даяаршсантай холбогдон дэлхийн иргэний боловсрол гэж ярих болсон. Гуравдугаарт Хорин нэгдүгээр зууны боловсрол гэж байна. Хүн эрдэмтэй л болчихвол энэ гурвын зорилго биелнэ. Эрдэм гэдэг арга Монголын уламжлалт соёлд байж байгаа учраас дэлхий нийтийн чиг хандлагатай нийлүүлээд явчих туршлага сургамж бидэнд бий. Ахмад үе маань эрдэмтэй хүн мөн. Уулын жалганд байгаа малчид бол өдөр болгон эрдэм сурч, өдөр бүрт өөрийгөө хөгжүүлж байдаг. Академич Пүрэвийн Хорлоо гуай “Нүүдэлч монголчууд мал маллаж ажиллаж амьдрах явцдаа өөрсдийн оюун ухаандаа амьдрахуй ухааныг бүтээсэн ард түмэн” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр амьдрахуй ухаан гэдэг юмыг л эрдэм гээд байгаа юм. Амьдрах явцдаа өөрөө хөгжөөд амьдралаа аваад явчихдаг ухаан гэсэн үг. Бидэнд ийм уламжлал соёл байна. Энэ зун судалгаагаар явахдаа сур элдэж байгаа хүн дээр очоод “Энийг яаж элдвэл зөөлөн болох вэ” гэсэн чинь нэлээд хэдэн хором дуугай гаанс тамхиа сорж сууж байгаад “Ингээд үзэхгүй юу даа” гэж байгаа юм. Тэр хүнээс ямар ухаан гарч байна гэхээр “Заавал ингэдэг тэгдэг” гэсэн модон ухаан биш “Хийгээд үзэхгүй юу даа” гэсэн зөөлөн зөвлөмж өгч байна. Их олон боломжоос чи өөрөө сур гэсэн үг байгаа биз. Сур элдэхээсээ өмнө илүү олон долоон үг ярих хүн ч байж болно. Ийм л ялгаатай зүйл байгаа юм. Багш хүн бол хамгийн энерги сайтай хүмүүстэй ажилладаг, шавь нараасаа өдөр бүр сайхан эрч хүч авч байдаг сайхан мэргэжил дээ. Хүүхэд шуугиагүй үед уйтгартай ч санагдаж мэднэ шүү. Монголын ирээдүй Монголын багш нарын л гарт байгаа.

-Ирээдүйн Монголыг багш нар л яах аргагүй бүтээнэ дээ?

-Ирээдүйн эрдэмтэй монгол иргэд бэлтгэх явдал бол багш бидний эцсийн зорилго. Эрдэмтэй монгол хүн гэдэг бол алба ажлыг ёс журмын дагуу хашдаг байх учиртай. Ажлыг төлөвлөөд хэрэгжүүлээд, дараа нь төлөвлөөд энүүхэндээ эргэлдээд байдаг. Гэтэл энэ нь ёсын дагуу алба хаших юм. Өөрөөр хэлбэл ийм юмыг хийхэд тийм байх ёстой гэсэн зураглалыг нь гаргаад өгчихсөн. Яг тэрүүндээ эргэлдээд робот шиг болчихож байгаа юм. Хүнд ямар боломж байна гэхээр энэ хийсэн ажлаа ажиглаад, эрэгцүүлээд, хийсэн ажлаа сайжруулаад, тасралтгүй хөгжүүлдэг. Энэ бол журамлаж хаших юм. “Эрдэм гэдэг бол аливаа зүйлийн юм уу өөрөө болсон ёсыг журамлан дагахын нэр буюу эрдэм чанар бөлгөө” гэж Дандаа Дэмчигдоржийн нэг гоё үг байна. Журамлана гэдэг маань ажиглаад, эргэцүүлээд, сайжруулаад, аливаа сайн үйлийг нэг тойргоор эргүүлэхийн нэр юм. Манай багш нар маш их материалтай, их хөдөлмөрч мөртлөө өөрийнхөө хөдөлмөрийг бусдад түгээн дэлгэрүүлэх тал дээр ажиллаж өгдөггүй дутагдалтай. Хүнээс сурна гэж боддог юм уу, хаашаа юм. Эрдэмтэй багш байна гэдэг маань өдөр тутмын амьд лаборатори дотор ажиллаж, юмыг олж илрүүлж, бүтээж байгаа явдал юм. Багш нар ийм ажилсаг бүтээлч мөртлөө өөртөө итгэх итгэх маш сул болчихоод байдаг. Монгол хүний сэтгэлгээний нэг онцлог бол эргэцүүлэн бодоод эргүүлж хэрэглэдэг. Маш их өөрчлөмтгий, хувьсамтгай. Монголчуудыг дасан зохицох чадвар сайтай гээд байдаг чинь бидэнд эрдэм гээч юм байгаа байхгүй юу.

-Эрдэмтэй хүн ч ховор байх аа?

-Бүх хүнд эрдэм ижилхэн заяагдсан байдаг. Алтны эрдэм зэвэрдэггүйдээ байдаг шиг хүний эрдэм бүх хүнд тэгшхэн заяагдсан. Эрдэмгүй байна гэдэг чинь боломжоо ашиглаж чадахгүй байгаагийн илрэл. Хүнд асар их боломж байгаа. Өөрийнхөө боломжийг өөрөө нээгээд, өөрөө хөгжөөд, өөрөө амьдрахаас биш хүнд тушаачихаж болохгүй. Тэгш хөгжлийн боловсрол гэж миний яриад байдаг ийм учиртай. Хориннэгдүгээр зууны боловсролын хамгийн онцлог шинж юу вэ гэсэн асуултад дэлхий нийт юу гэж хариулж байна гэхээр хүн төвтэй, хүн өөрийнхөө боломжийг нээж хөгжүүлдэг зуун байна гэж байгаа. Тэрнээс тийм юм сураад тэгнэ ингэнэ гэсэн юм байхгүй. Дээд мэргэжилтэн бэлдээд байгаа ажлын байрны 2040-2050 онд дөч тавиад мэргэжил нь алга болно гэж байгаа. Тиймээс өөрөө тухайн цаг үедээ журамлаад, дагаад, аргаа олдог л хүн хэрэгтэй болно. Хүн төвтэй гэдэг нь энэ. Хориннэгдүгээр зуун бол мэдэрч танин мэддэггүй сэтгэж танин мэддэг зуун болох ёстой. Сэтгэнэ гэдэг маань өөрийнхөө эрдмээ өөрөө ажиглаад эргэцүүлээд явчихдаг зүйл.

-Багш нарт нэн түрүүнд чухал эрдэм юу байна, таныхаар?

-Манай багш нар юуны түрүүнд монгол хэлээ маш сайн судлах хэрэгтэй. Монголын сэтгэлгээний бүх онцлог монгол хэлэнд байгаа. Тэр дундаас бид их олон зүйлийг тунгаан гаргаж ирж болдог. Ер нь бид сургалтаар бичиг үсгийн боловсрол зааж байгаа. Математикийн, физикийн, монгол хэлний бичиг үсгийн боловсрол гээд дохио тэмдэг нь өөр боловч эцсийн үр дүн нь адил ухагдахуунуудыг заадаг. Эрдэм сургана, цагаан толгой сургана гэдэг энэ. Энэ дээр их анхаарах ёстой. Манай багш нар мэргэжлээрээ муудаад байгаа юм алга. Хамгийн гол нь сэтгэл, зүтгэл гаргаад ажлынхаа байран дээр хөгжөөд, өөрөө хүүхэдтэйгээ хамт хөгжөөд явчихад болно. Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуайн “Багш” найраглалд гардаг багш нар бол одоогийнх шиг өндөр боловсролтой байгаагүй ч их сэтгэлтэй байж. Тэд багшлах явцдаа хөгждөг байсан. Бүх юмыг хүүхдүүдтэйгээ хамт сураад явчихдаг байсан учир их хөгжиж байсан. Тэр уламжлалыг бодож явахад бидэнд их боломж байна. Ирэх жилийн багш нарын баяр гэхэд манай нийт багш нар маань бага ч болтугай өөрийнхөө эрдмийг сайжруулчихсан, өөрийгөө таньчихсан, сурагчдадаа ухаан биш эрдэм сургахад тодорхой ахиц гаргачихна байх аа гэж бодож байна. Энэ л боловсролын шинэчлэлтийн том зүйл болно доо.

-Таны хариуцдаг Суурь судалгааны төв юу эрхэлж байна?

-Би Боловсролын суурь судалгааны төв гээд дөрвөн чиглэлтэй, зуу гаруй хүнтэй ажиллаж байна. МУБИС өөрийн гэсэн брэнд судалгааны чиглэлүүдээ хөгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл манай сургууль ийм л судалгааг бусдаасаа давуу хийдэг гэдгээ үзүүлэхийн тулд ажиллаж байна. Тогтвортой хөгжлийн боловсрол, үйл судлал, хичээл судлал, квант сэтгэл судлал, боловсрол судлалын гэсэн өөрийн өвөрмөц судалгааны арга зүйтэй секторуудтай. Манай Суурь судалгааны төвийн гол зорилго бол Монголын соёл, уламжлалд тулгуурласан судалгааны шинэ чиглэлүүдийг гаргаж хөгжүүлэн дэлхий нийтэд дэлгэрүүлэх энгийн бөгөөд хүнд зорилтыг дэвшүүлээд байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Г.Цоггэрэл: Үндэсний урлагийн их театраа байртай болгохын төлөө зүтгэж явна

Монгол Улсын үндэсний урлагийн их театрын ерөнхий захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Гончигийн Цоггэрэлтэй уулзаж ярилцлаа.


-Монгол Улсын үндэсний урлагийн их театрын захирлын албыг та нэлээд хэдэн жил хашиж байна. Улсын ардын дуу, бүжгийн чуулга нэрээ солиод удаагүй байгаа уран бүтээлийн энэ том байгууллагыг удирдана гэдэг бахархалтай сайхан байх шүү?

-Манай байгууллага бол Монгол үндэстний урлагийн гал голомт гэж хэлэгддэг. Үндэсний урлагийн их театр нь анх зургаан хөгжимчин, таван дуучин, зургаан бүжигчин, хоёр циркчин, нэг уран уншигчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж 1950 онд “Ардын дуу танцын улсын ансамбль” нэртэйгээр өнөөгийн тулгын чулуугаа тавьсан байдаг. Далан жил болж байгаа байгууллагын маань үндсэн суурь нь Улсын ардын дуу, бүжгийн чуулга. Манай алдартнууд гэвэл төрийн шагналт, ардын жүжигчин алдарт бүжиг дэглээч Ц.Сэвжид, хөгжмийн зохиолч Чойдог, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав, хөгжмийн зохиолч Мэнд-Амар, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Норовбанзад, ардын жүжигчин Түмэндэмбэрэл, Хоролсүрэн, гавьяат жүжигчин “морины” Нансалмаа, гавьяат жүжигчин Банзрагч, алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн, бүжигчдээс гэхэд гавьяат жүжигчин Зоригоо, Алтангэрэл нарын олон хүн бий. Манай хөгжмийн их найрлыг Мөрдорж, Чойдог, Лувсаншарав, Мэнд-Амар гуай нарын олон авьяастнууд нуруундаа үүрч ирсэн. Монголын бахархал болсон, улсын тусгаар тогтнолыг тодорхойлдог гол үндсэн жанжин шугамын байгууллагыг зургаа дахь жилдээ удирдаж байгаадаа би туйлын баяртай байдаг.

-Өөрөө ч бас энэ л алдартнуудын нэг болсон доо?

-Би ноднин Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан. Хамт олон гэдэг үнэхээр хүчтэй. Хамт олонгүйгээр ямар нэгэн ажлын биелэлт, төлөвлөгөө, Монгол Улсыг гадаадад сурталчилж буй үйл ажиллагаа бүхнийг төсөөлөх аргагүй. Монгол Улсын Засгийн газраас 2002 онд Улсын ардын дуу, бүжгийн чуулгыг, “Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга” болгосон. ҮДБЭЧ-ыг 2016 онд Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор Монгол Улсын үндэсний урлагийн их театр болгон өөрчиллөө. Манай театр дуу анги, хөгжим анги, бүжиг анги, тайз гэрлийн ажилтнууд, захиргаа удирдлагын бүрэлдэхүүнтэйгээ 189-214 хүн ажил алба хашиж байна.

-Танай театр Монгол Улсын төрийн хэмжээний бүх үйл ажиллагаанд оролцдог биз?

-Үндэсний урлагийн их театр анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан бол өнгөрөгч зууны наяад оноос Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон дэлхийн сонгодог нэрт уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл, ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон л доо. Ардын урлагийн яндашгүй өв санг хамгаалж өвлүүлэх, орчин цагийн урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан. Манай театраас хөдөлмөрийн баатар гурав, төрийн шагналтан найм, ардын жүжигчин найм, урлагийн гавьяат зүтгэлтэн зургаа, соёлын гавьяат зүтгэлтэн хоёр, Монгол Улсын гавьяат жүжигчин дөчин дөрөв төрсөн гээд бод доо. Одоо ажиллаж буй нийт уран бүтээлчдийн тал хувь нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан байна. Тус театрын дэргэд “Монголын уртын дууны холбоо”, “Монгол хөөмэйн холбоо”, “Монголын ястан үндэстний ардын богино дууны холбоо”, “Ардын бүжгийн нийгэмлэг” зэрэг уран бүтээлийн холбоод, төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа. Төрийн гурван өндөрлөгийн албан ёсны үйл ажиллагаанд оролцохоос гадна гадаадын улс орнуудын ерөнхийлөгч, албан ёсны зочид гийчдэд тоглолтоо толилуулна. Үүнтэй хэн ч маргах аргагүй хүлээн зөвшөөрнө шүү. Уран бүтээлчдээ ч бид өөрсдийнх нь хүч бололцооноос илүү өндөр шаардлага тавьдаг. Монголын ардын урлагийг дэлхийн тавцанд шинэ төвшинд гаргаж тавихаар ажиллаж байна. БСШУС-ын дэд сайд Ганбаяр гадаадын улс орнуудтай харилцаа холбоо тогтооход асар их дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад баяртай байдаг.

-Үндэсний урлагийн их театр гадаад, дотоодын үзэгчдэд жилд багцаагаар хэд орчим тоглолтыг толилуулж байна?

-Манайх жил бүрийн зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны өдөр хүртэл жуулчдад зориулсан бүтэн тоглолтыг тасралтгүй тоглодог. Зөвхөн манайх бүтэн том танхимд орж тоглоно. Улсын баяр наадмын үеэр төрийн хэмжээний тоглолтод оролцоно. Манай байгууллагын оролцоогүйгээр төрийн концерт хэзээ ч тоглогдохгүй. Гаднын жуулчдын зуны үзвэр үйлчилгээний голыг манайх л нугалж байна.

-Үзвэр үйлчилгээний үнэ тариф одоо хэдий орчим төгрөг болсон бол?

-Намайг энэ байгууллагад ажиллахаар ирж байх үед нэг тоглолтын үнэ зургаа долоон мянган төгрөг байсан. Нэг хоёр ч доллар хүрэхгүй байсан гэсэн үг л дээ. Тэр ханшийг арав, хорин мянган төгрөгт хүргэсэн. Энэ жил үзвэрийн тасалбараа 25 мянган төгрөгт хүргэлээ.

-Ийм олон уран бүтээлч, ажилчидтай танайх шиг том театр Драмын эрдмийн театрын дээвэр доор хоргодож байна гэхээр заримдаа гунигтай санагддаг шүү?

-Үнэн л дээ. Нэг тайвшрах зүйл гэвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт “Монгол Улсын үндэсний урлагийн их театрыг барина” гэсэн байгаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа 2016 оны арваннэгдүгээр сарын 26-нд энэ тухай албан ёсоор зарлан тунхагласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Хүрэлбаатар нар ч энэ театрын барилга байшингийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Ирэх онд театрын барилгын хөрөнгө оруулалт, төлөвлөлтийг хийж, газрын зөвшөөрлийг олгосон. Миний хувьд театраа өөрийн гэсэн байр байшинтай болгохын төлөө зүтгэн ажиллаж байна. Манай театрт байр савны асуудлаас гадна гадна талын автобус, унааны зогсоолын асуудал бас их анхаарал татна шүү.

-Театр барих газрын байрлал их чухал юм байна даа. Хотын төвлөрөл, түгжрэл дунд олигтой газар олдох болов уу даа?

-Жуулчид болоод иргэдийн уран бүтээл үзэж сонирхох орчин яах аргагүй чухал л даа. Би мөрөөдөхдөө манай театр хаа нэг гурван га газарт мод тарьчихсан, ямар ч байсан 500-1000 машин зогсох талбайтай, хүн ирээд тав тухтай суучихдаг тохилог орчинтой байгаасай л гэж боддог. Яг одоо манай энэ Драмын театрын байшингийн ийш чинь жуулчдын том автобус байтугай суудлын тэрэг орж ирээд түгжирчихдэг газар шүү дээ. Жуулчдын компаниуд ч үүнд их дургүйцдэг. Шинээр баригдах театр маань тиймээс их л зөв сайхан газар шаваа тавиасай гэж залбирч байна.

-Тохилог боломжийн газар таныхаар хаа байх шиг байна?

-Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр гэсэн энэ хоёр том байгууллага тайзаа байнга булаацалдаж уран бүтээл хийж байна. Манай хоёр хамт олонд бэлтгэл хийх ч түвэгтэй байдаг. Их зөрчил үүсдэг. Миний бодлоор болдог бол хуучнаар Хүүхдийн парк гэгддэг байсан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаанд л театрын барилгыг бариулчихвал Монголын үндэсний урлагийн ирээдүйд мөн ч том хөрөнгө оруулалт болно доо.


Categories
мэдээ цаг-үе

Чулуунбатын Мөнх-Эрдэнэ: Намайг ахин төрж хөл дээрээ босоход арван сартай охин хүртэл хандив өргөсөн

Чулуунбатын Мөнх-Эрдэнэ

“Алтан Намар” хөгжмийн наадмаар төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын “Ятганд зориулсан концерт”-ыг тоглож “Шилдгийн шилдэг хөгжимчин” өргөмжлөл, 2008 оны хавар төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л. Мөрдоржийн нэрэмжит үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдааны тэргүүн байрын шагнал, 2009 онд Узбекистан улсад болсон олон улсын “Тронолари” наадмын шүүгчдийн нэрэмжит шагнал, 2009 онд ОХУ-ын Буриадад болсон “Sound of Euro-Asia” наадмын тусгай талархал, 2010 онд “Бөртэ” хамтлагтайгаа Бүх урлагийн тэргүүн дээд шагнал “Гоо Марал”, 2017 оны шилдэг хөгжимчинд олгодог “Мөнгөн мод” шагнал тус тус хүртсэн. 2013 онд 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй “Хос эрвээхэй” бүтээлийг урд хөршид тоглосон. Хөгжим бүжгийн коллеж үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд Монгол улсын Консерваторийн сүлд дууг эгшиглүүлэх, туг залах хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэг цолоор шагнуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2017 оны арванхоёрдугаар сарын 29-д Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаажээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, Азийн ятгын хатан хаан Чулуунбатын Мөнх-Эрдэнэтэй “Кемпинский” зочид буудалд болсон ӨМӨЗО-ы “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ойн үеэр уулзаж хөөрөлдлөө.


-Хүнд хэцүү өвчнийг даван туулаад уран бүтээлээ хийж явааг чинь харахад сайхан байна. Монголын ард түмэн тэнгэрээс авшигт сайхан авьяастнаа сонсож, харж явах азтай л юм даа?

-Юуны өмнө энэ гэгээн сайхан өдрийн мэндийг хүргэе. Удаан хугацаанд хэвлэл мэдээллээр олон түмэнтэйгээ холбогдсонгүй. Өнөөдөр “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ойн баярт аялгуу эгшгээ хөглөн явж байгаа минь олон түмний буян юм. Уран бүтээлч намайг өндийн босоход хандив өргөсөн арван сартай өлгийтэй нялхаас ард түмэн хэмээх яндашгүй ачит та бүхний маань сэтгэлийн их тус дэм юм даа. Энэ бүх ач тусын тань дэмээр би инээмсэглээд уран бүтээлдээ эргээд орж байна. Олон түмэнтэй биднийг холбож байдаг хэвлэл мэдээллийнхэн та нарын маань ч ач гавьяа их бий. “Талын дуу хоолой” радиогийнхон гэхэд ӨМӨЗО-ы монгол ахан дүүстэй холбож, хандив өргөж байсны хүчээр бэрх хэцүү эмчилгээ, хүнд үеүдийг давж гарахад эдийн засгийн хувьд, сэтгэл санааны гүн дэмжлэг болж байсан. Урлагийнхан бид чинь сэтгэлээрээ л баян болохоос мөнгө төгрөгтэй хүмүүс биш шүү дээ. Хүн асуудал тулаад аргаа барах үед сайн мэдэхгүй зүс таних хүн наян сая төгрөг барьж ирээд хүүгүй, барьцаагүй ав гэхэд нулимс өөрийн эрхгүй асгардаг юм билээ. Тэр хүн намайг аварсан. Их даруухан хүн болохоор нэр усаа зарлуулахыг хүсдэггүй. Хэзээ нэг өдөр баярласан сэтгэлээ хэлэх цаг ирэх байлгүй дээ. Урлагийнхныхаа агуу их хайранд үнэхээр их баярлаж байгаа. 1700 удаа инээмсэглэл зураад, маань уншиж байсан тэр нэгэн охинд би баярлаж байна.

-Ходоодны бэрх л өвчин ороолоо гэсэн. Ямар эмчилгээ хийлгэв дээ?

-Үнэхээр хэцүү өвчин туслаа гэдгийг сонссоноос хойш 15 сарын хугацаа өнгөрсөн байна. БНСУ-д хагалгаанд ороход солонгос эмч маань амжилттай болно гэдэгт эргэлзэж байсан. Мэс ажилбар амжилттай болоосой гэж үнэндээ их залбирч байлаа. Мэс заслын орон дээр дөнгөж ухаан ороод ханиасаа “Хагалгаа хийгдсэн үү” гэж асуусан. “Зургаан цаг гучин минут үргэлжиллээ” гэдгийг сонсоод “Надад тэнгэрийн авралаар энэ амьдралд буцаж ирэх боломж байжээ” гэж тайвшраад улам их тайвширч унтаж амарсан. Яах бол гэж түгшүүртэй байсан, бүх амьдралын минь хэцүү зовлонтой байсан тэр үеийг давж гарах сэтгэлийн хүч л Мөнх-Эрдэнийг дахин шинээр төрөхөд их тус нэмэр болсон доо. Зөвхөн эм уугаад, тариа хийлгээд өндийж босно гэдэг нэг асуудал. Хүмүүсийн сэтгэлийн сайхан үг, хайрын халуун дулаан цагаан эрчим эрчис хүнд ямар их тэнхэл өгдгийг би өөрийн биеэрээ мэдэрсэн. Хагалгаанд орсноор өвчин өргөс авчихсан юм шиг эдгэрчихдэггүй юм байна. Химийн тариа гэж хагалгаанаасаа хэд дахин хүнд даваа байдаг юм байна лээ. Солонгос эмч маань “Шүд авчихсан юм шиг зүгээр болчихож байгаа юм биш шүү. Гамаа сайн бариарай” л гэж байгаа.

-Гам алдаад уран бүтээлдээ орчихоод байгаа юм биш биз?

-Уран бүтээлээ хийсэн ч ядрахгүй байх ёстой. Эмчилгээгээ маш сайн хянаж, улам эрүүл болохын төлөө тэмцэж байгаа. “Өдрийн сонин”-оор дамжуулж “Та бүхэндээ хайртай шүү” гэж хэлье. Та бүхнийхээ хариуд уран бүтээлээрээ хариу барина гэдэг гол зорилго болоод байна даа.

-Ингэхэд хүүхэд насныхаа тухай, уг гарлаа яривал ямар бол?

-Би Улаанбаатарын унаган иргэн л дээ. Миний аав ээж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул хүмүүс. Манай гэр бүл, ахан дүүст урлагийн хүн нэг ч байхгүй. Миний хувьд дур сонирхлоороо л урлагийн замд орсон. Намайг өнөөгийн энэ дайны хүн болоход миний хань ижил, ойр орчныхон маань маш их тусалж дэмжиж өдий хүрчээ. Тиймээс ч өнөөдөр “Ятгачин” хэмээх бүрэн дүүрэн алдрыг эзэмшээд явж байна даа. Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Монгол Улсын консерваторийн багш наргүйгээр, энэ сургуулийн нэргүйгээр би бол хэн ч биш юм. Би сургуульдаа зургадугаар ангиасаа наян найман онд элсэн орсон минь энэхэн насны минь өгүүлшгүй их аз заяа байсан. Миний багш Зундуйн Нарантуяа гэж мундаг алдартай ятгачин байсан. Энэ ачит хүн маань яг л миний одоогийн насан дээр цэл залуудаа хорвоог орхисон нь даанч харамсалтай. Багш минь шавь нартаа маш их зүйлийг өвлүүлж үлдээсэн. Би түүнийхээ үргэлжлэл болж явна даа.

-Багшийнхаа алдрыг өргөж төрөөсөө сайхан шагнал авлаа шүү дээ?

-Ятгачид дотор урлагийн гавьяат зүтгэлтэн гэсэн цолтон бол байдаг. Наранбаатар ахыг хүн бүхэн таних байх. Хоормейстр Алтантуул багшийг бас мэдэж байгаа. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин гэсэн цолыг ятгачдаас хамгийн анх удаа хүртсэн маань багшийнхаа хийж бүтээж, зорьж зүтгэж явсных нь хариу бэлэг гэж бодож байна.

-Хазайхад түшиг болох хань гэдэг ч агуу юм даа. Ганпүрэвийгээ би тийм л нэгэн багана гэж бодож байна?

-Бид хоёр ханилаад хорин хоёр жил болж байна. Миний хань чинь бор зүрхээрээ урлагийн тогоонд чанагдаж яваа хүн. Хоёулаа харин ямар азаар бие биеэ олж аваа вэ. Бидний амжилтын тавь тавин хувь нь ханийн хайраар бий болсон. Ханиараа би бахархдаг. Хүн яагаад ханийнхаа сайн сайхныг дурдаж болохгүй байх билээ. “Хамгийн тэнэг хүн ханиа магтдаг” гэдэг үгийг би эсэргүүцнэ. Ханиа өвдөж зовоход сэтгэл зүрхээ зуун хувь зориулаад яваа ийм хүн энэ хорвоод миний ханиас өөр хэн байгаа билээ. Эргээд бодоход аз жаргалтай мөчүүдэд ч, хүнд хэцүү цаг мөчүүдэд ч миний хань асаалттай танк шиг зогсож байдаг. Тийм учраас Монголд минь миний хань шиг сайхан эрчүүд олон байгаасай, олон сайхан гэр бүл бие биенийхээ төлөө халуун дулаан сэтгэлээр энэ амьдралыг туулаасай гэж боддог.

-Та хоёр маань хэдэн хүүхдийн аав, ээж билээ дээ?

-Манайх хоёр хүүхэдтэй. Хоёулаа Германд төрсөн. Ууган охин Амина Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын ангид Мягмарцэрэн багшийн удирдлагад сурч байгаа. Хүү Тэргүүнбаяр Ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Хүүгээ өөрсөд шигээ урлагийн хүн болгохгүй гэсэн бодолтой. (Инээв. сур)

-Хүүхдүүд чинь Германд төрсөн гэхээр гадаадад нэлээд хугацаанд амьдарчээ дээ?

-Би 1996-2008 онд, хань маань 1993 оноос Германд ажиллаж амьдарсан. Энд “Бөртэ” хамтлагаа байгуулж, Европоор аялан тоглолт хийж байлаа. “Ингэн тэмээний нулимс” киноны хөгжмөө бичсэн. Хөгжмийн зохиолч Чойгивын Сангидорж гуайн “Миний ээж тэмээчин” зохиолыг нөхөр маань найруулж, манай хамтлаг тоглосон. Энэ кино Оскарт нэр дэвшиж байлаа. “Говь” гэдэг клип гаргасан. Ганпүрэвийн маань бичсэн “Шар нохойн там” киноны хөгжим Америкийн Хэмптоны их наадмын хамгийн анхны гран при шагналыг Монголоос анх удаа 2005 онд авч байлаа.

-Өөрийг чинь Азийн ятгын хатан хаан гэж өргөмжилдөг. Сайхан сонсогдоно биз?

-Хүн болгон л асуудаг юм. “Азийн ятгын хатан хаан” гэдэг өргөмжлөлийг надад гавьяа шагнал болгон өгчихсөн нэр биш шүү дээ. Анх энэ өргөмж нэрийг хүний нутагт байхдаа анх сонсож байсан юм. Малайз улсад болсон “Rainforest” дэлхийн хөгжмийн наадамд бурхан болсон багшдаа зориулж бичсэн “Дурсамж” зохиолоо тоглоход, хэвлэл мэдээллээр болон интернетээр “Queen of Harp” буюу “Ятгын хатан хаан” хэмээн өргөмжлөн бичиж байсан. Түүнээс хойш л ард түмэн намайг ингэж нэрлээд байгаа болохоос гардаад авчихсан шагнал биш юм. Тэр фестивальд оролцсон урлагийнхны дүгнэлт л дээ.

-Хоёр хөгжмийг нэг хөгжим шиг л тоглож байгаа харагддаг. Энэ чадвар тань мастер түвшинд очсоны илрэл яах аргагүй мөн биз?

-Хоёр хөгжмөөр тоглоно гэдэг хэцүү ш дээ. Хоёр тал руугаа анхаарлаа хандуулна. Одоо юу гэдэг юм бэ дээ, баруун зүүн тархи л зэрэг ажиллаж байна гэсэн үг л дээ.

-Баруун, зүүн гараараа бичдэгтэй л адил зүйл болох нь ээ дээ?

-Ер нь хэцүү шүү. Тийм амар зүйл биш. Нэг ятган дээр тоглох, хоёр ятган дээр тоглох хоёр тэс өөр. Хөгний хувьд хоёр өөр хөг шаардлагатай. Тоглогдож буй бүтээл, ноот өөр байдаг.

-Өөрөө аялгуу аяз зохионо биз?

-Хүүхэд байхдаа оролдож байсан. Хөгжмийн зохиолчоор сураагүй мөртлөө зохиох сонирхол байдаг. Аливаа нэг зохиол бүтээлийг байгаагаар нь биш хөгжүүлж баяжуулж, өөрийнхөө сэтгэлгээг оруулж хөгжимдөхийг зорьдог. Ганц нэг найруулга зэргийн юм бол байгаа л даа. Дэлгэрмөрөн бид хоёрын “Уянга цагаан хуруу” гэдэг дууны найруулга байна. Энэ найруулгын тохируулгыг их богинохон хугацаанд хийсэн.

-Саяхан гадаад оронд очиж тоглосон байв уу даа?

-Тавдугаар сард ӨМӨЗО-д очиж Энхбаяр гэж хөгжмийн зохиолчийн уран бүтээлийг тоглосон. Түүний дараа Германд сар орчим хугацаанд айлчлан тоглолт хийж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа. Арваад жил ажилласан тэр сайхан улс хоёр дахь эх орон минь болчихсон юм байна. Ирээд Баян-Өлгий аймгаараа явсан. Таван Богдод очлоо. Байгалийн үзэсгэлэн үнэхээр ноёлж байдаг газар юм байна.

-Ард түмэндээ тайлан тоглолтоо хэзээ толилуулах гэж байна?

-Би өмнө нь “Алтайд хөглөгдсөн уянга”, “Хос эрвээхэй”, “Хатан ятгын эгшиг” бие даасан уран бүтээлийн тайлан тоглолтуудыг хийсэн. Одоо ард түмэндээ зориулж талархлын тоглолт хийнэ л гэж бодож байна. Ямартаа ч биеэ нэг их ядраалгүй, бүтээж туурвиж байхад нэг гэгээн сайхан өдөр энэ маань биелэх байх аа.


Categories
мэдээ цаг-үе

П.Лхагвасүрэн: Боловсролын брэндлэг чанарт анхаарлаа хандуулах хэрэгтэй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын хүрээлэнгийн захирал, боловсрол судлалын доктор Пүрэвийн Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхэллээ. Монгол Улс их, дээд сургуулийн тоо, арван мянган хүнд эзлэх оюутны хувиараа дэлхийд дээгүүрт бичигддэг ч боловсролын чанарын хувьд бөмбөрцгийн хэмжээнд сүүл мушгидаг гэсэн шүүмж их байдаг. Үнэхээр тийм хэцүү байдалд орчихоод байгаа юу?

-Монголчууд бидний нэг суут соёл бол эрдмийг бишрэн дээдэлж, тахин шүтдэг үзэл. Социализмын буюу төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой нийгэмд манайх хэдхээн их, дээд сургуультай, хувийн сургуулийн тухай ойлголтгүй байлаа. Тэр үед их, дээд сургуульд элсэн орох гэдэг ойлголт жинхэнэ чанартай, шигшигдсэн, тухайн эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ суурь болсон шинжлэх ухааны үндэслэлийг ерөнхий боловсролын сургуульд чиглэл чиглэлээр үзэж эзэмшдэг байсан. Конкурс буюу элсэлтийн шалгалт маш өндөр хэмжээний ач холбогдолтой шалгалт байлаа. Улаан шугам буюу конкурсын эрэмбээр жагсаад сургуулийн хуваариа авдаг түвшинтэй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр дээд боловсролын тогтолцоонд маш том өөрчлөлтүүд гарч байна. Дээд боловсролын салбарт цоо шинэ хувийн их, дээд сургуулийн арми үүсэн бий боллоо. Дээд боловсролыг тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй, тодорхой ажлын байртай уялдуулаад оюутан элсүүлдэг, хяналтын тоонд багтаадаг байсан маань үндсэндээ өөрчлөгдлөө.

-Олон их, дээд сургууль бий болохын хэрээр хяналт, боловсролын салбарт хандах төрийн бодлого алдагдаж дээд боловсролтой дэлгүүрийн худалдагчид бэлтгэх болсон юм биш үү?

-Өнөөдөр дээд боловсрол эзэмшихэд шаардлагатай суралцах чадварын тодорхой хэмжээний өндөр түвшинд хүрсэн бол бүгдэд нээлттэй. Стандарт гэдэг маань нэг ёсондоо элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тодорхойлогдоно шүү дээ. Хуучнаар конкурс. 2012 оноос ЭЕШ-д босго тогтоож эхэлсэн. ЭЕШ-ын босгыг давсан байхад сурагчид их, дээд сургуульд сурах боломжтой болж байгаа. Нэгэн үед их, дээд сургуулиудыг давхардсан биш тоогоор аваад үзэхэд 170 орчим хүрч байсан. Өөрөөр хэлбэл ШУТИС гэхэд 13-14 салбар сургуультай, МУИС мөн тийм салбар сургуультай, ХААИС арваад салбар сургуультай. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 96 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Дээд боловсролын салбар тодорхой хэмжээнд хөгжиж байгаа. Хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхий нийтэд их, дээд сургуулиудын хөгжлийн чиг хандлага маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Зарим их, дээд сургуулиуд өөрийн гэсэн төлөвлөгөө, хөтөлбөр, өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй. Боловсрон гарч буй оюутнууд, сэхээтнүүдийнхээ мэдлэг чадварын чанар чансаагаар, ажил эрхлэлтийн байдлаар, нийгэм болоод хүн төрөлхтөний оюуны соёлд юу бүтээж байгаагаараа, шинжлэх ухаанд юуг хийж туурвиж буйгаараа үнэлэгдэх ийм цаг үе. Дэлхийн зарим шилдэг сургуулиуд хөтөлбөрөө олон улсад нээгээд дэлгээд тавьж байна. Брэнд чанар гэдэг нь Харвардын их сургууль ч юм уу, МУИС-ийн бусдаасаа онцгойрч буй нэр хүнд л дээ. Өөрийн гэсэн том соёлыг бүтээж хүн төрөлхтөний түүхэнд оруулж буй хувь нэмэр, түүний баталгаажилт, хандлага найдвартай. МУБИС-ийн төгсөгчид гэхэд нэгэн үе манай улсын бүх ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын түвшинд ажиллаж байгаа багш нар нь заах арга зүйн хувьд онцгойрч байдаг байсан. МУИС-ийн төгсөгчид тухайн шинжлэх ухааныхаа чиглэлээр нэлээд гүнзгий мэдлэг эзэмшчихсэн, тэр мэдлэгээ хүүхдэд хүргэх талдаа гаршиж, тухайн багшийн гараас тодорхой шинжлэх ухааны чиглэлийн аваргууд төрдөг гэх мэтийн брэндлэг чанаруудыг бүтээсэн байдаг.

-Дээд боловсрол олгох сургуулиуд өндөр төлбөртэй, чанартай сургалттай байхгүй бол нийгэмд ашиггүй гүехэн мэдлэгтнүүдийн давалгаа цунамигийн хэмжээнд хүрлээ гэж халаглах хүн олон байна л даа?

-Оюутан сурагчдыг элсүүлэх өндөр төлбөртэй хувийн их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудын том арми бий боллоо. Ерөнхийд нь аваад үзэхээр өндөр төлбөрөөс тодорхой түвшний эцэг эхчүүдийн нэг хэсэг нь айхаа больсон. Зах зээлийн харилцаанд шилжсэнтэй уялдан хүмүүсийн өмчийн ялгарал их явагдаж байна. Ер нь чанартай боловсрол олгодог, хүнийг өөрчилж чадсан, шинэ нөхцөл боломжид ажиллаж чадах төгсөгчдийг бэлтгэдэг сургуульд мөнгө харамладаггүй болсон. Их, дээд сургуулиудын төлбөр харьцангуй өндөр байвч дэлхийн сургуулиудтай харьцуулбал доор байгаа. Үүнийг олон талаас нь ойлгож болно. Ард түмний амьдрал тааруу байна. Нийтээрээ их, дээд сургуульд сурах эрмэлзэл их. Суралцагсдын тоо олон болсон. Гэтэл их, дээд сургууль төгсөгчдийн ажлын байр хуучин нийгмийн үеийнхтэй харьцуулахад тэс ондоо болсон. Одоо бол ур чадвараараа, мэдлэг чадвараараа, эзэмшсэн мэргэжлийнхээ чанар чансаагаараа, тэрнээс гадна хүнтэй харилцах, багаар ажиллах, аливаа нэг асуудлыг дэвшүүлж шийдвэрлэх, ямар нэг зүйлд дасан зохицох зэрэг цоо шинэ чадварууд чухалд тооцогдох боллоо. Хувь хүний байгалийнх нь авьяас билэгт тулгуурласан чадваруудыг ажил олгогчид нэхээд эхэлсэн. Нөгөө талаас хүн төрөлхтний шинжлэх ухааны салбар, хүмүүсийн амьдралд мэдээллийн технологи бодитойгоор ороод ирлээ. Үүнтэй холбогдуулж маш олон шинэ мэргэжлийг нээж, эзэмших хэрэгтэй болж байна. Зарим нэг мэргэжлүүдийн шаардлага алга болох хувьслын он жилүүд үргэлжилж байна. Тиймээс сургалтын хөтөлбөрийг үүнтэй уялдуулан яв цав чанга хатуу биш уян хатан зохион байгуулах, хөрвөх хандлагатай шинэчлэлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай.

-Болсон, болоогүй дипломын голууд олноор бэлтгэж байгаа нь харамсалтай биш гэж үү. Хөдөөгийнхөн гэхэд үр хүүхдээ мундаг хүн болгох гээд ноос ноолуурын мөнгөө хуу зориулаад байдаг. Нөгөөдүүл нь дөрвөн жил үлгэн салган сурсан болж хамаг мөнгө, үнэт цаг хугацаагаа салхинд хийсгэснийхээ эцэст гудманд лааз өшиглөсөн, эсвэл лангуу сахин нойрмоглосон нэгэн болох л хувь тавилан хүлээж байдаг даа?

-Үр хүүхдээ дээд боловсролтой хүн болгох гэсэн эцэг эхчүүдийн чин хүсэл эрмэлзэл дээр зарим сургууль бизнес хийж байгаа нь нууц биш. Хөдөөний хүүхдүүд найз нөхөд нь сургуульд явчихаар сонин байдалд орж болсон, болоогүй нэг сургуульд очоод ордог. Нөгөө муу эцэг эх нь төлбөрийг нь төлөхөөр “Малчны зээл” авдаг. Ноолуураа дэнчин тавиад зээл авна гэх мэтээр нийгэмд дээд боловсрол эзэмшихээс илүү өрийн сүлжээ үүсдэг. Үүнийг эмзэглэж харах ёстой юм. Үүнтэй уялдуулан төр боловсролын салбараа яаж санхүүжүүлэх вэ, яаж төлөвлөх вэ, ямар зохицуулалт, зохион байгуулалт хийх вэ гэдэгт хатуу бодлого баримтлах хэрэгтэй. Улс төргүйгээр аливаа нийгмийн амьдралыг төсөөлөх аргагүй. Гэхдээ улстөр боловсролын салбарт дэндүү соёлгүй, зөвхөн улстөрчийн араншингаар шинжлэх ухааны үндэслэлгүй орж ирсэн явдал монголчуудыг туйлдуулах үндэс болсныг нуух юун. Болсон, болоогүй борооны дараахь мөөг шиг тоймгүй олон сургуулийг байгуулсан. Энэ их хариуцлагагүй зүйл болсон. Хүмүүсийн үр хүүхдээ дээд боловсролтой болгох хүсэл сонирхол дээр маш том тоглолтууд явагдсан. Энэ бүхэн тодорхой хэмжээгээр багасч л байна. Уг нь тухайн нарийн мэргэжлээр мэргэших хүний суурь чанар, стандартыг хангах чадварыг тэр хүүхэд эзэмшиж үү, үгүй юу гэдгийг Элсэлтийн ерөнхий шалгалтаар тогтоох ёстой. Тиймээс ЭЕШ-ын босго оноог өндөрсгөх хэрэгтэй. Маш хатуу хандах учиртай. Энэ жилийн хувьд Цогзолмаа сайд “Улсын их, дээд сургуулийн ЭЕШ-ын босго 480 оноо байна” гэсэн чухал шийдвэр гаргасан. Урьд нь 400 оноо байсан. Энэ нь бас нэг том алхам байсан юм. Төр өөрийнхөө харьяа сургуулиудын оюутны чанарт өөрчлөлт хийхийг оролдож байна. Харин бусад сургуулиудын хувьд яах вэ гэдэг асуудал бий. БСШУСЯ, Боловсролын хүрээлэн энэ талаар хамтарч судалгаа хийж байгаа.

-Энэ босгыг цаашид хатуу барьчих хэрэгтэй юм байна даа?

-Тийм шүү. Чанартай сургуулиудад орох оюутнуудын хяналтын тоог яс барих хэрэгтэй. Энэнээс дээш оноо авсан хүн элсэж болно гэчихээд сургуулиудын хяналтын тоог яс барьж, сургуулиудын удирдах зөвлөлд хяналтын тоог тавиад өгчихөөр сургуулийнхаа эрх ашигт нийцүүлнэ. 480-аас дээш оноо авсан хүүхдүүд улсын сургуулиудад хуваарилагдчихаар хувийн сургуулиуд бэрхшээл үүссэн. Энэ зөрчлөөс болоод зарим хувийн сургуулиудад элсэгчийн ЭЕШ-ын босго оноог шахалтаар буулгачихсан. Энэ бол буруу. Үнэхээр чанаргүй сургуульд хүн элсэхгүй бол хүчээр элсүүлэх, сургуулиудыг хооронд нь нэгтгэх гэх нь алдаа болно. Оюутан хаалгаар нь орохгүй сургуулийг хаах нь зөв. Ийм л дүрмийг чанд мөрдөх нь зүйтэй. Чанартай сургалттай сургуулиуд төлбөрөө нэмэхэд болно. Их, дээд боловсролын сургалтын төлбөр хэт доогуур байгаагаас болж сургалтын чанар унаж байгаа нь нууц биш. Дэлхийн дундаж их, дээд сургуулиудын жилийн төлбөр 25 мянган орчим ам. доллар байна шүү дээ. Дундаж төлбөртэй сургуулийн жишгийг харахад хамгийн доод тал нь 15 мянган ам.доллар гээд бод л доо. Тэгэхэд Монголд хамгийн их төлбөр нь үүний дөрвөний нэгд ч хүрэхгүй.

-Сургуулиудыг нэгтгэснээр сургалтын чанарт нөлөөлөх болов уу?

-Сургуулиудыг автоматаар нэгтгэнэ гэхээр бас асуудал үүснэ. Жишээлбэл, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль бол Монгол Улсын ууган гурван сургуулийн нэг. Санхүүгийн сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн сургууль 1924 онд шаваа тавьж байсан түүхтэй. Ийм түүхтэй сургуулийг МУИС-тай нэгтгээд, буцааж салгаад холион бантан болгож байна. Төр үүнд оролцож, зохиомлоор зохион байгуулна гэдэг утгагүй. Энэ сургуулиудын түүхэн замнал, соёл нь өөр. Том концепцийн хувьд өөр хэрэг. Жишээ нь, Азийн топ том их сургуулийг бий болгохын тухайд улсын хэдэн том сургуулиа нэгтгэж болох. Тэгээд менежмэнтийг сайн хийхгүй бол бас л алдаа болно.

-Мэргэжлийн сургалттай коллежүүдийг төрөөс овоо дэмжих бодлого барьж байснаа шалд нь буулгачихав аа даа?

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байгаа оюутнуудад 70 мянган төгрөгийн стипенд олгодог, мэргэжилтэй ажилтан бэлтгэх талаар төрөөс дэмжээд явж байсан. Тэгтэл их, дээд сургуулийн оюутнуудад 70 мянган төгрөгийн тэтгэмж өгөөд эхэлсэн. Энэ барьцсан юм шиг шийдвэр том утгаараа “алдаа” болсон. Монгол Улсад мэргэжилтэй оюутан бэлтгэхэд том хөшүүрэг байлаа. Овоо гайгүй жигдэрч цэгцрээд явж байсан их аятайхан бодлого улстөр орж ирээд, сонгууль болоод сарничихсан. 2013 он буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн жил бараг оюутан болгонд 70 мянган төгрөг өгч эхэлсэн. Тэр жил 105 тэрбум төгрөг салхинд хийсээд явчихаж байгаа юм. Монгол Улсын боловсрол гэсэн том системийг шинжлэх ухааны маш их үндэслэлтэй, үндэсний соёл уламжлал дээрээ тулгуурласан, орчин үеийн дэвшилтэт технологийг гүн нэвтрүүлсэн шинэ үзэл баримтлал, амбицаар жолоодох ёстой. Үүнд Боловсролын хүрээлэн онцгой үүрэг гүйцэтгэх гол “цөм”, хөдөлгөгч хүч байх ёстой. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, чанарыг сайжруулах талаар, стандарт тогтооход анхааран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд ЕБС 10-12 дугаар ангийн тогтолцоонд шилжиж байгаатай холбогдон маш их өөрчлөлтүүд хийгдсэн. Үүнийг дагаад үндсэн сурах бичгүүд, сургалтын хөтөлбөрүүд бүгд өөрчлөгдсөн. Үүнийг дагаад багш нарт маш олон сургалтуудыг явуулсан. Мөн гадаадын олон оронд амьдран сууж буй монголчуудын үр хойчийг яаж монгол хэл, соёлтой, монгол зүрх сэтгэлтэй болгох вэ гэдэгт анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд бид гадаад улс оронд үйл ажиллагаа явуулдаг сургалтын төвүүдийн багш нарт хоёр өдрийн сургалт зохион байгуулсан. Удахгүй том чуулган болно. Түүнд манай хүрээлэн голлох үүрэгтэй оролцоно.

-Нийгмийн ухаан, байгалийн ухааны чиглэлээр тусгай квот тогтоохгүй бол ажлын байраасаа хэдэн зуу дахин олон зааз мэргэжилтнүүд төрөн гарч байна гэдэг. Сэтгүүлч, хуульч мэргэжлийн төгсөгчид болоод ажлын байрны харьцаа тэнгэр, газар мэт болсон гэж жишээлэн ярьдаг даа?

-Олон зуун мэргэжилтнийг зааз л гэх юм. Заазлагдсан нь хэн байгаа юм бэ. Энэ үзэгдэл алсдаа хэвийн болох биз ээ. Жаахан ч гэсэн өөдрөгөөр ирээдүйгээ харъя. Тодорхой хэмжээний квот тогтоож байсан туршлага байна. Тиймээс 480-аас дээш оноо авсан оюутнуудыг авна гэсэн босгоо өндөрсгөх хэрэгтэй. Элсэгчдийн хяналтын тоог төрөөс сургууль, мэргэжил бүрээр шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нарийн тогтоох хэрэгтэй. Бид сайн юмнаас татгалзах шаардлагагүй. Сайн юмнуудаа эргэж санахад гэмгүй. Их, дээд сургуулиудад “Энэ чиглэлээр сайн” гэсний дагуу элсэлтийг нь баталгаажуулбал зохино. Сургуулийн удирдах зөвлөлөөр тухайн жилд элсүүлэх оюутны тоог хянах аргыг хэрэглэж болно. Герман-Монголын хамтарсан техникийн их сургууль гэхэд инженерийн чиглэлээр цөөхөн тооны оюутнуудыг элсүүлж, дэлхийн хаана ч ажиллах мэргэжилтэн бэлтгэж байна. Дээд боловсролын энэ цагийн нэгэн гэрэлтэй үзэгдэл болсон Япон улсын Засгийн газраас БСШУСЯ-тай хамтран ШУТИС дээр хэрэгжүүлж буй “1000 инженер” гэсэн сайхан том хөтөлбөр байна. Зарим их, дээд сургуулиуд олон улсын магадланд амжилттай орж, тодорхой хөтөлбөрүүдээ ч итгэмжлүүлж байна. Энэ бас л том дэвшил.

-Дээд сургууль төгсөөгүй бол хүн биш шахууд тооцдог энэ гажиг сэтгэлгээг л хүмүүсийн ой ухаанаас авч хаямаар юм шиг санагддаг юм?

-Үнэн шүү. Тэрийг хэн гаргаад ирсэн жишиг соёл юм бэ. Бүгд дээд боловсрол эзэмшиж болно оо. Дээд мэргэжил эзэмшсэн дэлгүүрийн худалдагч олширлоо л гэж байна. Уг нь тухайн хүн өөртөө байгаа байгаль эхээс, ээж ааваасаа өгөгдсөн авьяас чадвараа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Энийг ерөнхий боловсролын сургуульд байхдаа багаасаа анхаарч, эцэг эхчүүд нь үр хүүхдээ мэргэжил сонгоход нь унаган төрөлх авьяас билэгт нь тулгуурладаг байх хэрэгтэй. Заавал дээд боловсролтон болох нь амьдралын дээд утга учир мөн үү, биш үү. Энэ бол өөрөө маш эргэлзээтэй асуудал. Бүгдээрээ дээд мэргэжилтэй болчихоор тэнгэрийн умдаг атгачихдаг юм биш. Уралдааны морьд гараанаас зэрэг гаравч барианд цувраад ордог. Олон монгол мэргэжилтэн зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн соёл, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулаад явж байна. Эднээрээ бид бахархах нь зүй. Бүгд дээд боловсрол эзэмших хэрэгтэй гэдэг чинь магадгүй маркетингийн арга байж мэдэх юм. Хүн бүхэн өөрийн хэрэгцээтэй зүйлээ сураад хэрэгцээтэй чиглэлээрээ амьдарч чаддаг тийм нийгмийн төлөө урагшилмаар байгаа юм. Дээд боловсролын дэлхийн тэргүүлэх чиг хандлагыг шингээсэн брэнд монгол боловсролын төлөө ажиллах хэрэгтэй байна.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол даяарын арслан сэтгэгч Шар бичээч Жамбалын Гангаа

Ц.БАЛДОРЖИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ҮҮССЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙД


Бөхийн цол шиг юун сүр сүндэр эхэлдэг юм гэж хүмүүс гайхаж магадгүй. Гэвч, энэ түүнд зохисон үг гэж би хувьдаа боддог. Боддог ч юу байхав, миний өгсөн алдар гуншин юм. Шинэ мянган гарсны долоо дахь жилийн эхэн сарын 4-ний өдөр бид нүүр учирсан сан. Өмнө нь “Өдрийн сонин” дээрх Ж.Гангаа гэх нэрийг хараад бүсгүй хүн юм байх гэж боддог байлаа. Хуучин, шинэ оны заагт өдөр тутмын багашаархан сониноос халагдчихаад сэтгэл гундуухан явах үедээ эрхэм хүмүүнтэй учирч насан турш ах дүүгийн барилдлага тогтоох учиртай байжээ. Нийгэм, соёлын албаны дарга гэх шавилхан шар хүн нүдний шилнийхээ цаанаас цоргих мэт ширүүхэн ширтэж “Нөгөөдөр бичиг баримтаа, бичсэн зүйлтэйгээ аваад ир” гэж их л албархуу хэлсэн. Хэлсэн өдөр нь хавтас дүүрэн хайчилбараа бариад бэргэсэн шигээ л ирлээ дээ. Мань хашир тэгсэн “Наадахь чинь юу юм” гэж байна. “Та бичсэн юмаа авчираарай гэсэн дээ” гэтэл цаанаа л нэг ёжтой бас үнэн санаанаасаа инээж “Ийм цүнх дүүрэн бичсэн юмтай хүн үү. За наадахыг чинь харах гэж яршиг болох юм байна л даа. Өнөөдрөөс шууд ажилдаа орно оо хө” гэснээ нутаг ус асууж “Танай Баянхонгорт би тэр жил сониноо хониор захиалуулаад зунжин, намаржин туувар тууж ирж билээ” гэж их энгүүн хүүрнэлдэн сууж билээ. Тэгснээ үүдний буйдан дээр тамхилах зуур гарын үсэг зурж өгсөн номуудыг минь харснаа “Чи бас найрагчин уу” гээд нөгөө л ёжтой инээдээрээ намайг улалзтал мялаав. Хоёр хоногийн дараа коллегийн хурлаар орж Ерөнхий эрхлэгчийн тушаалаар ажилд ортол миний өмнөөс үнэн сэтгэлээс баярлаж “Өдрийн сонинд чам шиг дөрөвхөн хоногийн дотор жинхэлсэн хүн байхгүй. Би гэхэд сонины захиалга энэ тэр хөөцөлдсөн аж ахуйн ажлаас л гараагаа эхэлсэн. Одоо хэн болохоо л харуулна даа, хоёулаа” гэж гар барьсан сан. Ингэж аавын сургааль, ахын даруулгагүй өссөн надад тэр хүн ёсны өмөглөж түших өндөр нөмөрт уул минь болсон билээ.

Гангаа ах хүнд аливаа зүйлийг маш энгийн ойлгомжтой тодорхой хэлж өгнө. Түүнд даргархах албархаг зан нэгээхэн ч үгүй. Заримдаа ёжилно. Бүр элгээ хөштөл инээж байгаад “Ингэчихвэл яасан юм хө” гэхэд “Яаж хийнэ дээ” гэж халширч байсан зүйл хүртэл хурдхан бариад авмаар амархаан санагдана. Шинээр ажилд орсон хэнд ч чин сэтгэлээс хандана. Орой үдшийн цагаар хамт сууна. Бичснийг нь улаан эрээн болтол засна. Уйгагүй хэлж өгнө. Манай Б.Ганчимэг, Д.Оюунтуяа, Э.Энэрэл, Д.Мөнгөндалай нарын туршлагатай сэтгүүлчид ч мань эртэй хөөрөлдөнө, бичих зүйлээ усны чулуу шиг элтэл нь тал талаас нь ярилцана. Ямар ч хүнд үнэ төлбөргүй зөвлөгөөг өгсөн шиг өгнө дөө. Юм асууж ирсэн хүний савыг хоосон буцааж байхыг нь нэгээхэн ч хараагүй. Ундарга сайтай ухааны булаг байж дээ, тэр. Амьдралыг маш энгийн нүдээр харна. “Сэтгүүлч хүн бол мянган мэргэжилтэн байх учиртай. Гуталчинтай гуталчин шиг, малчинтай малчин шиг, Ерөнхийлөгчтэй Ерөнхийлөгч шиг ярьж байж ярилцлага материал гайгүй болно. Тийм биз” гэж асууна. Толгой дохихоос аргагүй. “Гоё үгээр бульдаж тоглож болохгүй. Үгээр наадаад урт бичихээр уншигч төөрөөд ороолдсон утас шиг юмны утгыг нь олохоо больчихно” гэнэ. Өөрөө ч үлгэрлэж, арын нүүрний бичлэгт хэрхэн бичихийг яруу тодорхой харуулна. Намайг ирснээс хойш удалгүй мань эр тушаал дэвшиж Хариуцлагатай нарийн бичгийн дарга болов. Сонины гал тогооны А тогооч гэсэн үг л дээ. Дарга болоод л ширээн дээгүүр хэнхэглэсэн, дээгүүр зиндаатан болох байх гэсэн чинь харин ч жирийн бидэнтэйгээ тулж ажилладаг хэвээр барахгүй, бүүр ч ойртон шадарлах болов. Орсон гарсан хэнд ч нэг л зангаараа.

Сэтгүүлчдээ хүнтэй их танилцуулна. Танихгүй хүн ч гэж байхгүй. Ямар сайндаа л Алтайн цаадахь говьд явж байхад цэрэгт хамт байсан гэх байгаль хамгаалагч Доржсүрэн анд нь задгай түүдгийн дэргэд Гангаагаа дурсаж нулимс унагаж байхав. Өөрийнх нь нэр цохсон томилолтод хэнийг ч итгэл хүлээлгэн илгээнэ. Нэгэнтээ Эрээн хот дахь Монгол Улсын Консулын газрын нээлтийн баярт хамт явлаа. Сурвалжлагаа бичсээр оройтсон би нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрийг ажлын ширээн дээр мартаж орхисноо галт тэргэнд суусан хойноо л санав. Мань эр “Тэр урилга чинь л чухал байсан юм. Чамайг хятадууд хилээр гаргахгүй ээ” л гэж байна. Ч.Аннаг таксидуулан урилгаа авчруулахаар боллоо. Анна ч ирлээ. Галт тэрэг ч хөдөллөө. Цонхоор толгойгоо тонгойлгосон миний гарт хүслэнт урилга маань хүрэн алдаад, шүргэн алдаад хоцорлоо. Нүдний үзүүрт Аннагийн удаашруулсан мэт дүр киноны хальс урсах шиг гулсан үлдлээ. Сэтгэлээр унасан амьтан цонхон дээрээс бууж иртэл нүдний шилээ гартаа барьсан Гангаа ах нулимсаа гоожтол инээгээд өнхрөөд байх юм. Уур ч хүрэх шиг. “Анна та хоёр хайр дурлалтай кинонд тоглож байгаа юм шиг л харагдсан. Урилгагүй зочин татаараас юу гэдэг билээ” гээд инээх юм. Сүүлдээ ч миний сэтгэлийг засах болж вагон ресторан руу явлаа. Хил дээр тэр муу хөтөлбөрийг ямар балдууш нь шалгах вэ дээ. Хожим энэ тухай дурсах бүртээ элгээ хөштөл инээдэг сэн. Ай, сайхан ах минь!

Хариуцлагатай нарийн бичгийн дарга болсноосоо хойш намайг дэргэдээ татлаа. Болоо ч үгүй нэрийн хуудас надад захиалж өглөө. “Хариуцлагатай нарийн бичгийн даргын зөвлөх” гэж бичүүлж, дугаарыг маань сонины хөлд зоолоо. Бид хоёр дамжиж ордог тусдаа өрөөтэй. Би нэг ёсондоо түүний туслах нь юм. Аян замын тэмдэглэл, арын бичлэгээ бичихдээ төвлөрөх ч гэдэг сэн үү, хаа хамаагүй хүнтэй тэр бүр уулзаад байхгүй. Гэхдээ бичихдээ огтхон ч түүртэхгүй. Хүн амьтан бужигнаж л байна, мань хашир инээж хөхрөнгөө ганц нэг өгүүлбэр тавьж л байна. Нэг л мэдэхэд сонины бүтэн нүүр туурвичихсан “Энийг сүлжээгээр шидээдэхээч хө” гэнэ. Зорьж ирсэн хүнийг зочлохдоо гар татахгүй. Гадаад томилолтоос ирэхдээ ганц юм тусад нь заавал ч үгүй гардуулна. “Ажлыг ял шиг биш амралт шиг бодож хийхэд сайхан байдаг юм. Идээгээ ч амсаж, мэдээгээ ч бичнэ шүү хө” гэж тэрүүхэндээ цэцэн үг зохиосон шиг сууна. Нэгэнтээ хурлаас өмнө бид хоёр “өглөөний цайгаа уух”-аар морьтой Чингис дөнгөж задлаад л хундагалж амжаагүй байтал Ерөнхий эрхлэгч ороод ирлээ. Сүнс зайлчихаа алдлаа. Гангаа ах руу харвал царай нь шаргалтан цайгаад үг дуу ч үгүй болжээ. Эрхлэгч харин азаар тавиур дээрх үдээсний сонин, ном сэлт сонирхон цааш харж байх зуур Гангаа ахын компьютерийн хажуудах хэцүү нэртийг шалавхан авч нөгөө өрөөн дэх ширээний нүд рүү шургуулж амжлаа. Миний энэ овсгоог мөн ч олон удаа бахдаж, “Айя” гэж дуу алдан олон ч хүнд ярьсан даа. Энэ бүхнийг санахад цаг хугацаа элэн одоогүй мэт, эрхэм ах минь гэгээн тунгалаг энх эсэн мэт юутай дотно бодогдоно вэ. Тэр холын хүн байтугай ойрын бидэн ч анзаарахгүй гуниггүй нэгэн байсан. Амьдралд тун бодитойгоор хандана. Хичнээн олон дүү, шавь нар нь түүнтэй хувь, хувьсгалын сэдвээ хуваалцан суусан гэх вэ. Өрөөнд нь А.Сүхбат аварга ч ороод ирчихсэн нижигнэтэл инээлдэн суух. Нөгөө барилдахгүй, ярилцлага өгөхгүй гэж тугаа нулимстай тойрч, дэвжээндээ сөгдөж байсан хүнийг чинь хэзээний амыг нь ангайлгаж, уруулыг угзарсаар дотор сэтгэлийг нь сэрээдэн гаргаж ирээд уншигч олонд бичиглэн хүргэж байх. Түүнд энэ мэт олон сайхан чанар цогцолсон нэгэн байсан даа.

Манай нэрт сэтгүүлч Пүрэвийн Хашчулуун бидэнд “хайрын шанаа” ч өгч, эрийн ёсоор сургаж байсныг эдүгээ нуух юм алга. Харин ч жулдрай бид өнөө хүртэл ахыгаа халуун дотноор дурсдаг нь хацар алгадах сэтгэлийн хал нь ил хайр байжээ гэж сүсэглэдэг. “Би цөөхөн шавьтай. Мөнхбаясгалан чинь миний шавь. Чи байна” гэсхийнэ. Би хэдий багш гэхгүй ч “Мань эрийн шавь нар ч Өдрийн сонинд шөнийн одноос олон байх аа” гэж дотроо л бодно. Өөрийгөө сэтгүүлч Н.Саранчимэгийн шавь гэнэ. Нөгөөх нь ч редакциар орж ирээд л “Шавь хаа байна” гэж талын нэг хадаана. Ёстой нэг сүртэй багш, шавь гэж тэр хоёрыг л хэлэх байх. Албаны дарга Дамбын Баатархүү ахыг ороод ирэхээр “гурван бар” даширласны баярыг сэмхэн тэмдэглэнэ. Зохиолч Дамбын Цэмбэлийг ирэхэд халимагаар тэр хоёр өвчилнө. Яруу найрагч Гантулгатай Булган хангай руу нь явж Норов эрдэнэ аавынд нь налайтал тухалснаа бичиглэнэ. Бичлэг нь заримдаа муухай хоржоонтой, хорлонтой. Цээл суманд очоод ирэхдээ ч бил үү “Нэг ангийнхан нэгүүлхнээ бужигнана” гэсэн гарчиг тавиад бичиж эхэлнэ. Гарчгийг нь бодохоос л инээд хүрээд асуухаар “Зургадугаар анги нь ганц бандитай юм байна. Тэр аавын цээж чинь багштайгаа нийлж тамхи баагиулаад сууж байна гээч” гэж хээв нэг хуучилна. Үнэн л байгаа даа гэж бодмоор юм их ярина.

Гангаа бол спорт, байгаль хоёрт нугасгүй элэгтэй хүн. Бүр нурж унана. Цасны хөв яаж тогтоох, үүл буудаж хур оруулахаас өгсүүлээд жилийн эхний өдөр нар харах аяллыг зохион байгуулахыг хүртэл төрийн бодлогын хэмжээнд тунхаглаж чадсан сэтгүүлч гэдэгтэй өнөө хэн маргах. Багахангай зөрлөг, Хустайн нуруу зэрэг газруудад ахтайгаа, сэтгүүлч Бадамаа дүү, Мөнхтөр нартайгаа олон ч он хамт явсан даа. Оны эхний нар харахаар явахдаа хоол, унд бэлтгээд их учир жанцантай хандана. Нар харсан тухайгаа уншсан хүний хорхой хүртэл, шинэ ондоо ямархан их өөдрөг бадрангуй аж төрөхөөр бичнэ дээ. Нэг жил нар харахаар явах үед бөө нарын асаасан задгай түүдгийн галд манай Б.Долзодмаагийн туулай хүрэмний үс хэрхэн хумиран хуйлран шатсан тухай нөгөөх л алдартай цайлган инээдээрээ хачирланхан хүүрнэнэ дээ. Утаа пүрхийгээ л, хярвас ханхлах шиг л санагдана. Тэр ер нь бичихээсээ илүү хүнийг өөртөө татаж байлдан дагуулах чадмаг илтгэгч, гайхамшигтай халуун дулаан сэтгэлтэй хүн байсан юм шүү. Циркэд болсон “Болор цом”-ыг хамт үзлээ. Тайзны урдхан завилаад суучихсан ч байх шиг янзтай л зураг дарсан амьтан. Чад чадхийлгээ л. Орой нь ирээ л “Асар, Басар хоёр арсалдан тэмцэлдэв” ч бил үү жигтэйхэн голыг нь олсон дүгнэлттэй сурвалжлага биччихсэн л байсан. Энэ чинь яруу найрагч Л.Хасар, О.Цэнд-Аюуш хоёр сүүлийн даваанд гурав гурван шүлэг уншиж ана мана үзэлцсэн жил шүү дээ. “Утгын чимэг”-т өгүүллэг бичиж өгнө гэж ярина. “Болор цом”-ын эзэн, хуурай дүү Л.Моломжамц бид хоёр тэрийг нь их дөгөөнө өө. “Өгүүллэг бичээд эхэлбэл танай зохиолчид үгээ барж ажилгүй болох байх аа” гэж үнэн санаанаасаа ч юм шиг, тоглоод байгаа ч юм шиг асууна. Нас буян байгаад зохиол бүтээл бичсэн бол яах ч байсан юм билээ дээ.

“Өвөө минь Богд хаант Монгол Улсын төрийн яамны тэргүүн зэргийн Шар бичээч хэмээх хүн байсан юм гэнэ лээ” гэж хүүрнэж асан ах минь 2014 оны өвлийн эхэн сарын ид хүйтэн ахуйд үзгээ орхин үзэхийн хязгаар руу одсон доо. Түүнийг тэнгэр зүг болсноос хойш сэтгэл нэг л эзгүйрч, өнөөг хүртэл бөглөө таглаатай юм шиг явж дээ. Харин ахыгаа дурсахуй дор бөн бөн сэтгэлийн нулимс бүжин туулай шиг дэгдэн одож байна. Сэтгэлд нэг гэрэлтэй санагдаж байна. Монгол даяарын арслан сэтгэгч Шар бичээч овогт Жамбалын Гангаа бол Монголын орчин үеийн сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, аян замын тэмдэглэлийн уран дархан, мастер багш байсан. Түүний туурвисан “Хорь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Далд Түвдийн далласан газар”, “Алтайгаас Хянган хүртэл”, “Баруун Монголыг зүүн Европ гэнэ”, “Алтайн цаад говиор”, “Амьдрахын бэрхшээлгүй Ар Асгат нутаг”, “Хүн хүрээгүй нутаг”, “Монгол хоёрхон хөрштэй, хоёулаа бидний мөнхийн дайсан”, “Буйр нуур нутгаа сахина, буцаж сэргэхгүй усаа шавхана” тэргүүт аян замын шилдэг туурвилууд нь Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас нээж, судлагдах хэмжээнд хүрсэн. Тэрээр “Хялганат талын цагаан зээр хар цээр биш ээ”, “Цагаан сарын үеэр л юм даг”, “Засаатай эмгэн буюу Монголын хошин урлаг” зэрэг даацтай нийтлэлүүд туурвиж сэтгүүл зүйн “Балдорж” шагналын гуравдахь тэргүүн гран-при хүртсэнээс гадна уг шагналын шилдэг аравт жил бүр шалгарч байв. Мөн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Оны шилдэг сэтгүүлч” өргөмжлөл хүртэж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан билээ. Төрийн дээд шагнал хүртсэнийхээ дараа мань эр “Бид саяхан л ард түмэндээ шударга ардчилсан байдал, үнэний төлөө дуугарч байсныхаа төлөө юун төрийн шагнал хүртэх харин ч тэдний хөдөлмөрийг Монголын төр арай өөр байдлаар харж шүүх, хууль хяналтын байгууллагад уулзалдах юм ярьдаг байлаа. Тэр нь үнэн үг хэлсний төлөө гомдогсод биднийг доромжилсон, нэр төрд халдлаа гэдэг байдлаар хандаж бид шоронд орох шахам явж ирсэн. Үүний тод жишээ бол соёлын гавьяат зүтгэлтэн Г.Дашрэнцэн, миний бие гэх мэтчилэн шударга үнэний төлөө дуугарах гэсэн оролдлогыг мохоох гэсэн явдал их байлаа” гэж ярьсан удаатай.

Төв аймгийн Угтаалцайдам сумын Бор хужирт мэндэлсэн Жамбалын дөрөв дэх хөвүүн хүний богинохон тавиланг туулахдаа дунд, дээд боловсрол эзэмшин, “Ургац, “Алдар” спорт хороонд тамирчин, багш, дасгалжуулагчаар ажиллаж байсан хүндийг өргөлтийн спортын мастер, аймгийн заан хүн байсан юм. Биеийн тамирын багш мэргэжилтэй тэрээр 1997 оноос сонин хэвлэлд “урваж” “Ардын эрх”, “Өдрийн сонин”-д сэтгүүлч, албаны дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Ерөнхий эрхлэгчийн зөвлөх, “Нийслэл таймс” сонины зөвлөхөөр ажиллаж байсан бичгийн их авьяастан байлаа. Тийм ч учраас би эрхэм ахыгаа “Монгол даяарын арслан сэтгэгч” гэж амьд ахуйд нь хэлж чадсандаа баяртай явдаг юм. Тэр ч өөрөө нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит шагнал, Монголын оны шилдэг сэтгүүлчийн алдрыг аваад орж ирэхдээ “Ах нь одоо Монгол Улсын арслан цолтон гэсэн үг биз дээ” гэж инээж байсан нь нүднээ тодхон үзэгднэм.


Categories
мэдээ цаг-үе

​Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтох: Бүрэнтөгс арслантай сайхан салхилж барилдъя гэж бодон давхар ачин давсан

Заг сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын начин Дашдоржийн Цэрэнтогтохтой уулзаж ярилцлаа. Тэрээр өнөө жилийн наадамд үнэн хүчийг үзэн барилдаж түүхт Хүрэн бэлчир, Залаа, Чандмань овоо, Загийн голдоо улсын начин хэмээх цолыг анх удаа авч ирсэн билээ.

-Төрсөн нутгаараа овоглож явахаас сайхан зүйл хаа байх сан билээ?

-Би Баянхонгор аймгийн Заг сумын харьяат хүн. Аавыг маань Б.Дашдорж, ээжийг минь Болормаа гэдэг. Миний хувьд 1992 онд төрсөн айлын ганц хүү.

-Заг сумын сургуульдаа хэддүгээр анги төгстөлөө суралцав?

-Нутагтаа би дөрөвдүгээр ангиа төгсгөөд нийслэл хот руу шилжиж ирсэн. Хотод ирээд IV хорооллын 86 дугаар сургуульд суралцаж, жүдогийн секцэд явдаг байлаа. Энэ сургуульд зургадугаар ангиа төгстөл суралцаад “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн лицейд шалгалт өгч тэнцэн орсон.

-Япон руу нэг явж байсан санагдах юм?

-“Ирээдүйн аваргууд” сумогийн тэмцээнд түрүүлэн, Кекүшюзан Д.Батбаярын зодог тайлах ёслолд очиж оролцож байсан. 2007 оны долдугаар сард наадмын бэлтгэлд Баянхонгорынхоо бөхчүүдтэй гарчихсан байж байхад Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Японоос хүмүүс ирчихсэн шалгалт авч байгаа юм байна” гээд намайг авчирч шалгуулсан. Тухайн үедээ ч юунд шалгаж байгааг сайн ойлгоогүй өнгөрлөө. Сүүлд аравдугаар сард “Тэнцсэн байна” гээд Японы сургуулийн урилга өгсөн. Ингэж Японы Нагаяогийн жүдогийн сургуульд дөрвөн жил суралцсан.

-Жүдогоороо аль хэр амжилт үзүүлж байв?

-Жүдогийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт орж байсан. Бүстэй барилдаан, самбо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс хэд хэдэн медаль авч байлаа.

-Заг сум бөх аль хэртэй нутаг билээ дээ?

-Аймгийн арслангууд бол нэлээд хэд байдаг. Дээр үеийн бөхчүүдийг би сайн мэдэхгүй. Аймгийн арслан Баасанбат ахыг сайн мэднэ. Аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр ах маань байна.

-Заг сумаас түүхэндээ анх удаа улсын цолтон төрлөө гэж зарлаад байх шиг байсан?

-Анхны улсын цолтон нь би болж байх шиг байна.

-Аав тань барилддаг байв уу?

-Аав маань намайг бага байхад сумын наадмын тавын даваанд Анхныбаяр гэдэг ахтай тунаж барилдаад гараа хугалж байсан ч гэл үү. Би жаахан хүүхэд байсан болохоор тэрийг нэг их сайн санадаггүй юм аа. Сумын начин цолтой, үедээ сайхан барилддаг л бөх байсан гэх юм билээ.

-Аав, ээжийн чинь талд бөхийн удамтай хүн байдаг бол уу?

-Манай ээжийн талд Самбуу гэж аймгийн цолтой хүн байсан гэдэг. Ээж маань Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул хүн.

-Үндэсний бөхийн анхны амжилтаа дурсахад сонин доо?

-Би 2011 онд Заг сумынхаа наадамд барилдаж сумын начин цол авсан юм. Тухайн үедээ жүдогоор барилддаг байсан болохоор үндэсний бөхийн бэлтгэл хийдэггүй байсан. Хойтон жилийнх нь наадамд сумандаа түрүүлж заан цол авлаа. 2013 онд сумын заан цолоо баталж байсан.

-Сумын заанаас цэргийн цол хүртсэн байх аа?

-Сумандаа түрүүлсэн жилийнхээ намар аравдугаар сард цэрэгт явж албаа хаагаад халагдахдаа “Үндэсний бөхөөр барилдъя” гэсэн бодолтой ирсэн. Үндэсний бөхийн бэлтгэлдээ 2014 оноос тууштай хичээллэж эхэлсэн дээ. Ингээд 2015 оны Бүх цэргийн наадмаар тав давж цэргийн начин болж, 2016 онд түрүүлж цэргийн арслан болсон. Аймгийн арслан М.Бадарчтай барилдан түрүүлж билээ. Өнгөрсөн наадмуудын бэлтгэлээ Монгол Улсын харцага Даш-Очирын Батболд багшийн удирдлага дор “Их Богд” дэвжээнд базааж байлаа.

-Энэ жилийн хувьд наадмын бэлтгэлээ хаана хангав?

-Баянхонгор аймгийн Засаг дарга асан Д.Жаргалсайхан ахын санаачлан байгуулсан “Хонгор нутаг” дэвжээнийхэнтэй наадмын бэлтгэлд гарсан.

-Улсын харцага Н.Золбоо та нар чинь тусдаа бэлтгэлд гарсан байл уу?

-Бид тусдаа бэлтгэлд гарсан. Манай дэвжээнд аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү тэргүүтэй тавиад бөхчүүд байлаа. Багш-дасгалжуулагчаар аймгийн арслан Дамдин, Отгонням, аймгийн заан Батгэрэл, “Хилчин” спорт хорооны Лувсанпүрэв гэсэн дөрвөн багштай гарсан.

-Ахмад бөхчүүд, дасгалжуулагчид тань юу гэж зөвлөж байв?

-Бид нэг их юм яриагүй. “Өөр өөрсдийн барилдааныг гаргаж барилдана” гэж ярилцаж байлаа.

-Энэ жилийн наадмаар өөрөө их сайхан хувирч, барилдааны хувьд тэсрэлттэй байгаа чинь анзаарагдаж байсан шүү…

-Ер нь яахав, бяртай байгаад тэсэрч барилдахгүй бол дан ганц бяраар хүнтэй барилдаад хаяхад хэцүү л дээ. Миний жаахан тэсрэлттэй барилдсан гэдэг маань жүдогоор барилдаж байсны гавьяа гэж боддог юм.

-Наадмын хоёрын даваанаас эхлээд учраанууд чангараад ирэх шиг болсон шүү?

-Хоёрын даваанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Нурланы Мустафатай нугалаагаар таарч барилдан давсан. Гурвын даваанд Ховд аймгийн Чандмань сумын уугуул, улсын начин Чулуунбатын Цогбаяртай барилдсан.

-Дөрвийн давааны нугалаанд Монгол Улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнийг хэд хэд дүүгүүрдэн эргүүлж сайхан давсан. Гарьдтай таарна гэж бодож байв уу?

-Би яг таарна ч гэж бодоогүй. Гэхдээ улсын гарьд, улсын заануудаас ер нь нэг их зөрөхөөргүй байсан. Гарьдтай барилдахад дэвжээн дээр гарснаас хойш биеэ барих зүйл байгаагүй. Ямар ч байсан өөрийнхөө мэхийг хийгээд зоригтой сайхан барилдъя гэж бодсон. Тэрүүгээрээ санасандаа хүрч сайхан л барилдлаа.

-Монгол Улсын хүчит арслан Пүрэвийн Бүрэнтөгс өөрийг чинь тавын даваанд амлахад их зүрхшээж бэрхшээв үү?

-Жаахан бэргэж байсан тал байгаа л даа. Ямар сайндаа улсын заан Мягмарсүрэн “Чи ямар улангассан баавгайтай таарчихаа юу. Адилхан л хүн юм чинь өөрийнхөөрөө барилд” гэсэн үг их зориг оруулсан. “Намайг ямар талбай дээр гаргаад алж хядах гэж байгаа биш. Юунаас нь ч айх вэ” гээд санаснаа хийж л барилдъя гэж бодсон. Нагац ах Авэрмэдийн Пүрэвсүрэн, Эрдэнэхүү арслан нар маань ч зоригжуулсан.

-Бүрэнтөгс арслангийн хувьд энэ жилийн наадмын үзүүр түрүүнд л яригдаж байсан бөх шүү?

-Монгол хүн бүхэн, наадамчин олон бүгд л арсланг дээшээ сайхан барилдана гэж бодож байсан л даа. Миний хувьд гараад, дайраад, сайхан салхилж барилдая л гэж бодсон. Жаахан удвал тэр хүнтэй чинь золгоод, барилцаад авна. Ер нь хэцүү шүү дээ, том биетэй хүн чинь. Жин их, арал бяртай. Бярдуулах ч магадлал өндөр. Тиймээс л бодсоноороо давхар ачсан.

-Та хоёрын биеийн жин, өндөр намын хувьд аль хэр зөрүүтэй бол?

-Бүрэнтөгс арслан надаас гуч, дөчин килограммаар илүү байх. Өндөр ч гэсэн арав гаруй сантиметр өндөр байх.

-Өөрөө ямар жин, өндөртэй билээ?

-Би одоо нэг метр 87 сантиметр өндөр. Жин 128 килограмм байсан. Одоо юу болж байгаа юм бол доо.

-Зургаагийн даваанд Баянхонгор нутгаас Н.Золбоо арслан та хоёрын хэн нэг нь харцага болох нь тодорхой тунаж үлдэн барилдсан. Начин цолондоо өөрөө сэтгэл жаахан ханасан тал байв уу гэж анзаарагдсан даа?

-Золбоо маань чөлөөт бөхөөр барилддаг болохоор ажиллагаа ихтэй бөх л дөө. Золбоотой чинь ер нь сэрмэж барилдана гэдэг хэцүү шүү дээ. Би их амарчихсан байсан болохоор халаалтгүй, зуурчихсан тал байгаа. Цочир шууд гараад барилдсан болохоор бие халаалт муудсан. Тэрнээс начин цолондоо ханасан зүйл байхгүй. Эндээсээ улсын наадамд цолоо ахиулж барилдана л гэж бодож байгаа.

-Өөрийг чинь бөхийн спортод уруу татсан хүн гэвэл дэлхийн аварга Халтмаагийн Баттулгыг гэхэд хилсдэхгүй юм байна?

-Ер нь намайг бөхөд уруу татсан хүн гэж Ерөнхийлөгчийг хэлж болно. Гэхдээ хамгийн анх бөхөд уруу татаж, барилдах урам зориг өгсөн хүн бол миний аав, нагац ах Пүүжээ хоёр л доо. Тэр хоёр маань л “Миний хүү барилдана. Миний дүү түрүүлнэ” гэж сэтгэл харамгүй сайхан үгээр шагнадаг байсан. Дунд сургуулийн хичээлийн амралтаар Пүүжээ ах минь л хот руу дагуулан ирж бөх үзүүлнэ. Нармандах харцага, аймгийн заан Батгэрэл хоёртой хамгийн анх нагац ах маань л уулзуулж байсан. Х.Баттулга Ерөнхийлөгч 2006 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа хүүхдүүд барилдуулсан. Тэрэнд нь ч би сайн барилдаж амжилгүй хоёрын даваанд ойчсон. Тэр үед намайг “Бөх болох дуртай юу” гэж л байсан. Би ч тухайн үедээ нэг их юм яриагүй. Харин аав, ээж хоёр маань л “Ийм сайхан боломж олдож байгаа дээр яваад сайхан бөх болчих” гэж ятгасан юм.

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цолныхоо үнэмлэхийг гардаж аваад хамгийн түрүүнд юу бодогддог юм байна?

-Улсын начин цолоо Ерөнхийлөгчөөс гардаж аваад аав, ээж хоёроо л их бодсон доо. “Аав, ээж хоёр маань байсан бол хамгийн түрүүнд л над руу залгаад ярих байсан даа” гэж бодогдсон. Энэ дайтай яваагаа аав, ээж хоёртоо харуулж чадаагүйдээ л их харамслаа. Тэр хоёр маань их л баярлах байсан даа. Цол авсан бусад нөхөд маань аав, ээж рүүгээ яриад хөөрч байхад надад ярих ч хүн байхгүй нь их муухай байлаа. (санаа алдав. Л.Б)

-Тэгэхдээ хүний зэрэгт хүргэж яваа нагац ах чинь байна даа?

-Пүүжээ ах минь байсаан. Гэхдээ л аав, ээж маань юун түрүүнд бодогддог юм билээ. Хамгийн түрүүнд л ах дээрээ очсон. Ах уйлаад, тэвэрч аваад л. Аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж яваа нагац ах Пүүжээдээ маш их хайртай шүү. Баярлалаа гэж танаар дамжуулж хэлье дээ. Ах маань Улаанбаатар хотод амьдардаг, “Арвижих” компанийн захирал хүн дээ.

-Улсын начин цолны тань найр энэ сарын 20-21-нд Баянхонгор аймгийн Заг суманд болох тов гарсан байсан. Нутаг усныхан чинь ярьж байна уу?

-Хамгийн түрүүнд нутгийнхан ярьсан. Сумын Засаг дарга Д.Мөнхнасан, нутгийн хөгшчүүл, аав ээжийн минь найзууд бүгд ярьцгааж байна лээ. Найр наадмын тухайд би сайн мэдэхгүй л явна. Ямар ч байсан тов нь гарчихсан л байгаа.

-Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээж авч уулзлаа гэв үү?

-Сайд “Алдар” спорт хорооны бөхчүүдээ өнөөдөр (өчигдөр. Л.Б) хүлээж авч уулзлаа. Манай “Алдар”-ын бөхчүүдээс аварга Санжаадамба үзүүрлэсэн. Аймгийн арслан Бэгзсүрэн, Ш.Мөнгөнбаатар нар улсын харцага цол хүртсэн. Аймгийн арслан Амаржаргал бид хоёр улсын начин боллоо. Бид бүгдийн цэргийн цолыг ахиуллаа. Миний хувьд “Алдар” спорт хороо, Баянхонгор аймаг дахь Барилгын цэргийн 339дүгээр ангийн бөх гэж явдаг. “Малчин” телевиз, “Хангайн даваа” компанийн захирал Жаргал ахдаа үргэлж тусалж дэмждэгт нь баярлаж явдаг даа.