Categories
мэдээ цаг-үе

Багш нараа шүтсэн Баянхонгорын жаран гурван оны төгсөлтийнхөн

Л.Батбаяр багштайгаа. 1962 он

Баянхонгор аймгийн төвийн арван жилийн сургуулийг 1963 онд төгссөн 10В ангийнхны сэтгэлийн өчил, дурсамжаас хуваалцъя. Эд бол төрөлх сургуулийнхаа аравдахь хаврын төгсөгчид юм. Урлаг судлалын доктор Соном-Ишийн Юндэнбат тэргүүтэй эл ангийнхан төгсөлтийн тавин жилийн ойгоо одоогоос таван оны тэртээ нижгэр тэмдэглэжээ. Ардын уран зохиолч Тангадын Галсангийн ногтгүй унага шиг, бялтгүй сум шиг явсан муусайн шавь нар нь эх орондоо ээлтэй сайхан сэтгэл өвөрлөж хувь хувийн энгүй хувь тавилангуудыг гэрэлтийн дээр нэгэнт бүтээжээ. Тархинд юүлсэн мэдлэгийн гэгээ, зүрхэнд үерлэсэн сэтгэлийн илчтэй жараад оны тоодгорхон охид хөвгүүд өнөөгийн нийгмийн түүчээлэгсэд болсон нь сайн багш нарынх нь сааршгүй эрдмийн буян буюу. Тэдэнд Л.Батбаяр, Б.Даваасүрэн, Б.Жамьянхорлоо, П.Варианжав, Б.Сэнгээ, Б.Ломбо, Д.Цээсүрэн, Дамдин, Д.Өлзий, С.Халзан, Б.Эрдэнээ, Ц.Төмөртогоо, А.Тогоо, С.Давдай, Т.Дамба, Ц.Гэндэнсүрэн, Б.Рагчаа нарын ачит багш нар хичээл зааж байж. Тэр дундаа Монголын уран зохиолын хичээлийг яруу найрагч Тангадын Галсан заасан аж. Шавь нарынх нь оюуны мэлмийд С.Давдай багшийнх нь самбарт нямбай гоё бичдэг нь кино дүрс мэт мөнхрөн үлдсэн бол “Мартахгүйн тулд толь бичиг” хөтлүүлдэг Т.Галсан багшийнх нь ёжтой, ухаалаг, уран сэцэн хэллэг өдгөө ч чихэнд нь хоногшиж, яруу найрагч хүний “амьд” дүр төрх нь сэтгэлийн их омог бахархлыг төрүүлж үлгэр дуурайл болж иржээ. Гэхдээ багшийнхаа “Тамирчин хүнийг харахуйяа” хэмээх шүлгийг хувиргаж

“Тамирчин хүнийг харахуйяа

Цаанаа л нэг хийморьлог

Тангадын Галсанг ажихуйяа

Наанаа л нэг хамарлаг” гэж зохиоцгоон сургууль даяар цээжлүүлж явсан гэж байгаа. Тэр үед найрагчийн “Төрсөн хүүгийн чинь үг” ном хэвлэгдчихсэн, “Арвайхээр” найраглал нь араажаваар байнга уншигдаж, ёстой л газарт буусан од байв гэх. 2003 онд ангийнхаа дөчин жилийн уулзалтаар Га багшийгаа урьж “Монгол” сэдвээр дурсамж хичээл заалгасан байна.

Анги удирдсан, монгол хэл-уран зохиолын багш Ламгивын Батбаяр нь шавь нартаа нийтийн бүжиг заах, сүлд модны наадмын баг хийх, өөрөө тэшүүр хийн мөсөн дээр гулгаж сургах зэргээр чин сэтгэлээ зориулж явсан буянтан гэнэ. Дэлхийн болон Оросын сонгодог зохиолчдын хөргүүдийг ханандаа залж, хивс, толь болсон мэргэжлийн хичээлийн шилмэл ангид чухам л багшийнхаа ачаар тэд сурсных оюуны солонгоо эртээ багадаа цацраажээ. Ангийн жижүүр хадгалдаг цоожтой шүүгээнээс дуртай номоо авч уншсаар ертөнцийг харах цонх нь эрт гэгээрчээ. Урлагийн үзлэг гэж болдоггүй байсан тэр үед Батбаяр багш нь ангийнхнаараа “Алиа Тогмид”, “Бардам туулай” жүжгүүдийг тоглуулсан нь чухамдаа соёлын нэг үзэгдэл болж байж. Ангийн багш нь ёстой л хүний хайлан болсон нэгэн байсныг шавь Долгорын Цагаанаа сагсан бөмбөгийн бүсийн тэмцээнд Арвайхээрт бэлтгэл хийж байхад ангийнхнаасаа нэг төгрөг цуглуулан өөрөө ч нэмэн 33 төгрөг, захианы хамт илгээж сэтгэл санаагаар дэмжиж байснаас илэрхий. Эдний ангийг арав төгсгөсөн хүн нь математикийн багш Б.Ломбо аж.

Очир алмаас хэмээгч дээдийн эрдэнэ байгалийн түг түмэн бодис, үзэгдэл юмсын тохироо бүрдсэн онцгой нөхцөлд үүсч бүрэлддэг шиг хэзээ ч, хэдийд ч нэг нэгийгээ үл мартах үнэнч дотно үерхэл сурагч ахуй үед тухайн хамт олны насан туршийн сэтгэл зүйн барилдлага болон тогтдог ажгу. Саваагүйтэж явсан нь санаанд тодхон, зүггүйтэж эрхэлсэн нь зүрхэнд дотно, уулзах тусам уулзмаар санагдах, холдоод явахад хоргодож саатах ангийн нөхөд гэдэг амь нэг тавилантай байдаг ажгу. Арвын В ангийн журналын нэрс Д.Баасанханд, Ц.Балжин, Ю.Бямбадулам, Д.Ганчулуун, Т.Гомбосүрэн, Д.Гүнхэн-Иш, Б.Дагвадорж, Ч.Дашням, С.Дашцэвэл, Б.Долгорсүрэн, З.Дулам, Д.Ёндон, С.Ичинхорлоо, Д.Лхагваа, Д.Лхамгарав, Н.Мягмарсүрэн, Н.Намнангарав, Б.Нацагдорж, Б.Нинж, Д.Нямдаваа, Н.Пэрэнлэй, С.Санги, Д.Сэнгээ, О.Сэр-Од, Г.Хавчуур, Р.Хэрэнбээрэг, Д.Цагаан, Т.Цэнд, С.Цэрэн, Ц.Чүлтэм, Г.Эрдэнэшан, С.Юндэнбат хэмээн дурайна. Амихандаа зугаатай, наргиантай хоч нэрээр нэгнээ дуудаж аснаа ч эдүгээ тэд мартсангүй. Нинжийг минж, Хавчуурыгаа хавч, Хэрэнбээрэгээ хэрээ, Дагвадоржоо таваг, Эрдэнэшангаа эрдэнэшиш гэх мэтээр гэм хоргүй нэрлэсэн бол манжин, зараа, аалз, ангаахай, ойл, алим, өнхрүүш, илжиг, гөлөг, бүргэд, шаазгай гэхчлэн нэгнийхээ үс зүс, хацар, ам, нүд, хамар, толгойн хэлбэр, алхаа гишгээ, хэл ярианы онцлогийг дайруулан өгсөн хорон гэмээр цаанаа л цайлган хүүхэд ахуйн хочууд ч бий. Төгсөлтийн хорин жилийн ойгоороо

“Балгансүрэнгийн Нацагдоржийн зүс нь алаг (шаазгай)

Бадамын Нинжийн үс нь сортой (минж)

Батын Дагвадоржийн ёроол нь цэцэгтэй (таваг)

Батын Долгорсүрэнгийн хал нь бөөрөнхий

Гончигдоржийн Хавчуурын хөл нь олон (хавч)

Гончигийн Эрдэнэшангийн навч нь өтгөн (эрдэнэшиш)

Дашлайн Гүнхэн-Ишийн өнгө нь түлэнхий (өнхрүүш)

Дашзэгвийн Лхагваагийн ам нь ангаахай (ангаахай)

Дамаагийн Баасанхандын бие нь аравгар (аалз)

Дансрангийн Лхамгаравын тусгал нь хол (цахиур буу)

Дуламын Нямдаваагийн хэргэм нь өндөр (Ван хан)

Долгорын Цагааны яс нь горзгор (яс)

Дообатын Сэнгээгийн толгой нь нь ойлон (ойл)

Доохүүгийн Ёндонгийн чих нь урт (илжиг)

Долгорын Ганчулууны … нь … хай (хужирхай)

Занын Дуламын нуруу нь гоё

Нацагийн Пэрэнлэйн үс нь ширүүн (зараа)

Ням-Очирын Намнангаравын хамар нь монхор (хамар)

Рэндоогийн Хэрэнбээрэгийн зүс нь хар (хэрээ)

Сэмбийн Сангийн хумс нь хурц (муур)

Сангийн Цэрэнгийн шүд нь хурц (гөлөг)

Сономын Ичинхорлоогийн … нь урт (…)

Соном-Ишийн Юндэнбатын нүд нь ёнхор (бүргэд)

Соном-Ишийн Дашцэвэлийн соосог нь цоорхой (соосог)

Тогоочийн Гомбосүрэнгийн сахал нь ардаа (Ван)

Түндэвийн Цэндийн бөөр нь улаан (яблоко)

Цогзолын Чүлтэмийн чих нь том (илжиг)

Чогжмаагийн Дашнямын навч нь далбагар (манжин)

Цэрэндашийн Балжингийн үс нь буржгар (меринос)

Юндэндоржийн Бямбадуламын нүд нь гэрэлтэй (чийдэн)” гэсэн наргиантай нэгэн зохиомж эвлүүлж элгээ хөштөл инээлджээ.

Тухайн үед өглөө сургуульдаа ороход нь жижүүр ангийнхан сурагчийн дүрэм, нусны алчуур, гутлын алчуур шалгаж байж нэвтрүүлдэг байж. Тиймээс эдгээрийн аль нэг нь дутуу тохиолдолд сургуулийн шургааган хашааны завсраар ангийн хэн нэг нь дамжуулах тохиолдол ч гардаг байжээ. Одооныхтой адил гар утас байгаагүй болохоор чухам яаж тийн сурамгай дамжуулдаг байсан юм бол доо гэж эдүгээ гайхацгаах аж. Тэр үед охид нь цэнхэр эмжээртэй ногоон дээлээр, хөвгүүд ногоон эмжээртэй цэнхэр дээл өмсөж жигдрэх Гэгээрлийн яамны зааврын дагуу хувцаслана. Одоотой адил баян, ядуугийн ялгал үгүй. Хүүхдүүдийн ихэнхи нь хажуу талд нь улаан таван хошуу оёж, оосрыг нь ширсэн ногоон даалимбан цүнхтэй аравдугаар ангиа төгсөж байжээ. Салаа салаагаараа дуу харилцах тэмцээн зохиож “Баруун уулын оройд

Баясгалантай хөхөө донгодно

Байгалийн сайхан зэрэглээнд

Баян нэгдэл тодорно” гэх буюу

“Хүрэн халзан тоомсгоороо

Хүрээд ирдэг Ворошилов

Гавшгай улаан цэргүүдээ

Ганцаараа командалсан Ворошилов” гэх мэтээр “Нэгдлийн тухай бодол”, “Хүрэн зандан ташуур”, “Сайхан хангайн буга” зэрэг дуунуудыг дуулцгаадаг байснаа тэд дурсана. Сургуулийнхаа концертонд С.Ичинхорлоо, Т.Цэнд нар байнга оролцдог авьяастнууд байв. “Газар уснаа явагч” киноны Гутериад тоглосон Вертинская хэмээх цэнхэр нүдэн бүсгүйн үзэсгэлэн гоод биширсэн Нацагдорж нь янз янзаар зурсаар хожмоо алдартай зураач болсон түүх бий. Нацагаа зураач Хөвсгөлийн тайгад таван жил судалбар хийж “Улаан тайгын орноор” хэмээх байгалийн гайхамшигтай үзэсгэлэнгээ гаргаж байж. Муур хулгана болж, чоно тарвагацан хөөцөлдөж, маатаг цохин манаргаж, алчуур хаяж тоглосон гэнэн хонгор насаа Баянхонгор хэмээх эсгий хотод үдсэн эдний ангийнхан мартаагүй ээ. Намхай хэмээх намхан багш нь хүртэл шавь нартайгаа байлдаж тоглож байсан гэхээр тэр үеийнхэн нэг бодлын их гэгээн хөөрхөн эвдрээгүй байжээ.

20 жилийн уулзалтын үеэр

Ангийн “шадар гурав” Д.Ганчулуун, Д.Цагаан, Д.Сэнгээ нар ангидаа нэг ширээнд суухаас гадна нэг гэрт хамт амьдардаг, гурвуулаа Долгор нэртэй ээжтэй сонин хувь заяатай хүүхдүүд байж. Тэд ялгахын аргагүй ижил бичгийн хэвтэй учир бичгийн ажлын шалгалтаа солиод хийчих ч боломжтой байсан гэдэг. Ангийн охин Баасанханд нь Анагаах ухааны их сургууль дүүргэж хилийн цэргийн ангийн эмнэлгийн албаны дарга, ШШБЕГ-ын төв эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад тэнгэр зүг оджээ. Ангийнхныг мэргэжлээр нь дурдвал Ц.Балжин эдийн засагч, Ю.Бямбадулам, Д.Ёндон нар физик-математикийн багш, Д.Нямдаваа, Монгол-Зөвлөлтийн онц хилчин Н.Пэрэнлэй орчуулагч, Байтагийн арван баатрын нэг Чойжингийн хүү Дашням агсан нар мэргэшсэн нягтлан бодогч, Онон-Балжийн буриад охин Батын Долгорсүрэн, С.Санги нар хүүхдийн эмч, Б.Нинж, Д.Лхамгарав нар агрономич, Р.Хэрэнбээрэг биеийн тамирын багш, Д.Цагаан Мод боловсруулах үйлдвэрийн инженер-механик, Т.Цэнд уулын инженер, цахилгаан механикч, Г.Эрдэнэшан, Ц.Чүлтэм нар эдийн засагч, Д.Сэнгээ геологич, Н.Намнангарав орос хэлний багш, О.Сэр-Од монгол хэл-уран зохиолын багш, Д.Ганчулуун, Т.Гомбосүрэн, Б.Дагвадорж нар зоотехникч гээд явж өгнө. Ангиасаа анх дээд боловсрол эзэмшсэн Д.Гүнхэн-Иш дэд хурандаа цолтой цэргийн шилдэг дарга аж. Соном-Ишийн Дашцэвэл бол Вьетнам улсын их сургууль, ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын аспирантур, БНХАУ-ын Наньжин хотын их сургуулиудыг дүүргэсэн ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Олон улс судлалын төвийн захирал, Зүүн ба Зүүн өмнөд Азийн секторын эрхлэгч зэрэг хүндтэй алба хашиж яваа манай улсын шилдэг сэхээтнүүдийн нэг гэнэ. Тэрээр вьетнам хэлнээс уран зохиолын олон ном орчуулсан бөгөөд Монгол-Вьетнамын Найрамдлын нийгэмлигийн захирлаар арав гаруй жил ажиллажээ. Харин З.Дулмаа Эрхүү хотын Улс ардын аж ахуйн их сургуулийг банкны эдийн засагчаар дүүргэж ирснээс хойш Улсын банкинд хэлтсийн дарга, газрын орлогч дарга, ХОТШ банкинд салбарын эрхлэгч зэрэг албыг гуч гаруй жил хашжээ. Эдний ангиас “Монголын өмгөөлөгчдийн алдар” алтан медаль хүртсэн шүүгч, шүүхийн даргаар ажиллаж явсан хүн бий. Тэр бол Хууль, шүүхийн байгууллагын ажилтан Сономын Ичинхорлоо юм. Эрхүү хотод үслэг савхин эдлэлийн нарийн мэргэжлээр суралцаж төгссөн авьяаслаг үйлчин мастер оёдолчин Дашзэвэгийн Лхагваа нь эдүгээ найзуудынхаа дунд алга. Амь нэг нөхдийг сэм сэмхэн хагацаадаг орчлонгийн жамыг яалтай.

Монголын урчуудын эвлэлийн хорооны Үзэсгэлэн сурталчлах гадаад харилцааны даргаар олон жил ажилласан зураач Балгансүрэнгийн Нацагдорж бол Герман, Финланд, Япон, Франц, АНУ, Итали, Энэтхэг, Голланд, Австри, ОХУ, Чехословак, Болгар, Румын, Унгар зэрэг оронд үзэсгэлэнгээ толилуулж, “Улаан тайгын нутгаар”, “Хөвсгөлийн цэнхэр уулс”, “Цагаан мөнгөн тайга” бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо гаргасан байгалийн их зураач бас бурхны орныг зорьжээ. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг, яруу найрагч Шагдарын Уянга нартай андалж явсан эл их хүмүүн “Хан Богдын нутгаар”, “Мэргэдийн ухаанаас түүсэн богц”, “Оюун ухааны гэгээ”, “Винсент Ван Гог” зэрэг олон сайхан ном туурвисан уран бүтээлч билээ.

Г.Хавчуур бол Хэвлэлийн , аж үйлдвэрийн инженер хүн. Тэр “Үнэт цаас” компанийн захирал, Улсын хэвлэлийн комбинатад ахлах мастер, үйлдвэрийн дарга, “Адмон” компанид редактор зэрэг алба хашиж Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоог санаачилсан Хэвлэлийн салбарын тэргүүний ажилтан аж. Доктор С.Юндэнбатын хувьд Баянхонгор аймгийн Соёлын хэлтсийн дарга, Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны дэд дарга, Утга соёлын өвийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн Монголын соёлын томоохон төлөөлөгч бөгөөд 2009 оноос Соёлын өвийн төвийн “Биет бус өвийг хамгаалах” хэлтсийн даргаар ажиллахдаа морин хуур, уртын дуу, тууль, цуур, лимбэний битүү амьсгаа, уран бичлэг, монгол гэрийн урлал зэрэг монгол соёлын хосгүй ховор төрлүүдийг ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлж, хүн төрөлхтний соёлд монголчуудын оруулсан хувь нэмрийг баталгаажуулсан гавьяатан билээ. Ийм л нэгэн гайхамшигт түүхтэй ангийнхны дурсамжаар түрхэн аялах завшаан уншигч та бидэнд тохиосонд баяртай байнам би.


Categories
мэдээ цаг-үе

“Хар ус нуурын шагшуурга”, “Монголын үзэсгэлэнт сарангоо”-г амилуулсан Жамбалын Шараа

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын шинэ цагийн нийтийн-уянгын дууны нэрт мастер, хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн 80 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал, “Уянга яруухан дэлгэрхэн дэлхий” номын баяр өнөөдөр болох юм. Номын редактороор хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Байгалсайхан ажиллаж доктор Ш.Баттөр эмхтгэсэн байна. ХХ зууны жараад оноос урлаг соёлын туурвилыг бид “Алтан үеийнхэн” гэж өргөмжлөн бахархдаг. Учир нь тэд уламжлалаа хадгалж, дэлхий нийтийн үсрэнгүй хөгжиж буй урлаг соёлын бүтээлтэй хөл нийлүүлсэн агуулга, хэлбэрийн шинэчлэлийг хийсэн, ард түмний хүсэн хүлээж буй соёлын тийм үнэт зүйлсийг хүргэж, оюуны хэрэгцээг бүрэн хангаж чадсан билээ. Шинэчлэгдэн өөрчлөгдсөн Монголын шинэ соёлын нийтийн дууны ая зохиогчид, хөгжмийн зохиолчдын дунд Жамбалын Шараа эрхэм хүндтэй байр суурь эзэлсээр багагүй он цагийг өнгөрөөжээ. Үнэхээр хөгжмийн зохиолч Ж.Шараа уран бүтээлийн их оргил өөд эгц шулуун авирсан хүн. 1960-аад он бол Монголын нийтийн-уянгын дууны алтан үе байсан. С.Гончигсумлаа, Л.Мөрдорж, Лха.Дорж, Д.Лувсаншарав, Г.Дарамзагд, Т.Чимиддорж, Д.Мяасүрэн зэрэг манай хөгжмийн ахмадууд энэ үеийг эзлэн, бүтээл туурвил нь цэцэглэж байлаа. Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж “Дарьганга дархчуудын чамин хийц, Галшарын хурц удам, Шилийн богдын сүр бараа, Ганга нуурын өвөрмөц тогтол эд бүхэн Шараа багшийн дуу хуурын ая хөгийн үндэс болж байдаг” гэсэн удаатай. Түүний “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дэлгэрхэн дэлхий” зэрэг зүрхэнд наалдаж, сэтгэлд шингэсэн олон дуунуудаас онцлон “Миний ижий” хэмээх дууны талаар товч дурдахад ямархан сонгодог бүтээл болсон нь тодорхой байдаг. “Д.Нацагдоржийн “Миний ээжий” хэмээх олны мэдэх дөрвөн мөртөд урьд нь Д.Лувсаншарав, С.Цоодол нарын хөгжмийн зохиолч ая хийжээ. 1963 онд Шараа уг шүлэгт ая хийснийг Зангад дуулж олонд хүргэсэн. Энэ дууг монголын эхчүүд, бүсгүйчүүдэд босгосон хөгжмөн хөшөө гэж нэрлэсэн нь бий. Өнчин хүн дуучин байдаг гэдэг. Ямар боловч Шараа гуай наймхан настайд нь ертөнцийн мөнх бусыг дагаж одсон хөөрхий ээжээ дурсан байж энэ дууг бичжээ. “Ээжий минь Лянхуа гэж сайхан ч нэртэй, сайхан ч хүн байсан. Зангад бас өнчин хүн. Бид хоёрын сэтгэлийн үзүүр энэ дуунд үнэхээр нийлсэн дээ” гэж Шараа гуай өгүүлсэн байдаг.

Одоогоос жар шахам жилийн өмнө авгынхаа арьсан цартай хуур, аавынхаа хулсан лимбийг барьсаар их урлагт хөл тавьсан Ж.Шараа гуай өнөөдөр Монголын төдийгүй монгол туургатны дунд нэр хүндтэй хийсэн бүтээлтэй, хэлэх юмтай алтан үеийн уран бүтээлчид яах аргагүй тооцогдоно. Түүний “Эх орны уянга” гэдэг бүтээл нь Монголд анх удаа чавхдаст найрал хөгжимд зориулж бичсэн бие даасан концерт гэж үнэлэгдсэн байдаг. Свердловскийн хөгжмийн дээд сургуулийн оюутан байхдаа “Монгол аялгуу” гэдэг анхныхаа бүтээлийг туурвисан түүний төрсөн нутаг нь Сүхбаатар аймгийн Асгат сум. Малчин ард Жамбалын найм дахь хүү нь болон төрсөн Шараа бага наснаасаа ээж, ааваасаа өнчин хоцорч, ах дүү нарынхаа хайр халамжаар эрдмийн мөр хөөж, эрийн цээнд хүрчээ. Урлагийн ахмад ажилтан Л.Цэнд-Очир жаалхүүг урлагийн дунд сургуульд анх шалгуулж байснаар манай хөгжмийн урлагийн түүхэнд Шараа гэдэг хийлч нэмэгдэж, хожим нь чадварлаг хөгжмийн зохиолчоороо ард түмэн бахархах болсон юм. Шараагийн зохиосон “Гэгээн өглөө, сайн байна уу” гэдэг дуу Монголын радиогоор эгшиглэж, өглөөний мэндийн дуу нь болсныг ард түмэн сайн мэднэ. Түүнтэй олон жил уран бүтээлийн жаргал зовлонгоо хуваалцаж яваа ардын жүжигчин Б.Зангад “Шараа аливаа ажилд шалмаг, шуурхай хүн. Түүний энэ байдал нь уран бүтээл дээр нь ч ажиглагддаг. 1960-аад оны үед юмсан. Бид хоёр Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байлаа. Тэр үед ээжийн тухай нэг сайхан дуу дуулмаар санагдаад болдоггүй. Тэгэхээр нь Д.Нацагдоржийн “Миний ээж” гэдэг шүлгийг аваад Шараа дээр орж “Чи энэ шүлгэнд нэг ая хийгээд үзээч. Би дуулъя” гэв. Тэр үед уг шүлгэнд хөгжмийн хэд хэдэн зохиолч ая хийчихсэн байв. Шараа маань эхлээд баахан зүрх алдах шиг болсон. Тэгснээ “Нэг сайн шүлгэнд хэчнээн ч хүн ая хийж болно шүү дээ. Ард түмэн тэдгээрээс аль сайныг нь л шилээд дуулчихна. Зөвлөлтөд А.С.Пушкины зарим шүлгэнд хэд хэдэн хүн ая хийсэн байдаг юм шүү” гэх мэтээр зоригжууллаа. Тэгтэл ч Шараад нэг юм бодогдов бололтой “Нээрээ би чинь нялх багадаа ээжээсээ өнчирч хоцорсон хүн. Ээжийнхээ дурсгалыг босгодог хэрэг” гэсэн юм. Ингээд л бараг ганц хоногийн дотор өнөөх шүлгэнд ая хийчихсэн. Дараа нь би радиод бичүүлсэн. Одоо хэр нь энэ дуу зөвхөн Шараагийн ээжид ч биш “Монголын үзэсгэлэнт саран гоо эхчүүдэд” зориулсан шилдэг дууны нэг болон эгшиглэсээр байна. Энэчлэн сонин түүх яривал, манай Шараагийн уран бүтээл бүр нь өөрийн гэсэн өвөрмөц түүх намтар, өнгө аястай байдаг” гэж өгүүлсэн байдаг.

Ж.Шараагийн уран бүтээлийн санд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн

Нүдэнд торох бараагүй

Нуурын ус цэнхэртэнэ

Нүцгэн уулс чимээгүй

Өнгөн дээр нь сүүдэртэнэ” хэмээх алдарт “Хар ус нуурын шагшуурга” дуу үлэмж байр суурь эзэлнэ. Исгэрэх салхины намуухан аясаар сэтгэлийн доторх уйтгарт бодол сэдрэн амилж, хэн хүн нууцхан хайлна. Дууг сонсож суухад үнэхээр нэг намар цаг, нуурын эрэгт нөмгөн цамцтай зогсоод салхи сөрөх шиг. Яагаад ч юм халиуран шуугих шагшуургын чимээ сонстох шиг болохуй нүдэнд торох бараагүй хэрнээ нуурын ус цэнхэртэн харагдаж сэтгэл эмзэглэнэ. Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа “Жаран нэгэн он. Монголын залуучууд оюутны II их наадамд зориулсан уран бүтээлийн уралдаан дүгнэж байсан цаг. Хөгжмийн зохиолч Шараагийн “Хар ус нуурын шагшуурга”-ыг Зангад дуулаад орхисон чинь хэмжээ хэмнэл нь солигдоод нэг л сонин болоод явчихлаа. Зохиогч нь тэгж бичив үү, дуучин нь тэгээд дуулчихав уу гэдгийг мэдэхийн тулд нотыг нь бичүүлж шалгалаа. Тийм ээ, хэмнэл солигдсон боловч үгийн утгыг яв цав илэрхийлээд зогсоогүй, манайд тогтсон нэг хэмт загварыг эвдэж шинэчлэл хийсэн байв. Энэ нь уул бүтээл уралдаанд түрүүлэхийн гол үзүүлэлт болсон юм” гэж дурсан өгүүлжээ. Ж.Шараа “Хар ус нуурын шагшуурга” дууны тухайд “Дуу бүтсэн түүх нь сонин. Обо (яруу найрагч Н.Очирбат) Б.Явуухулангийн ийм нэртэй дууны үгийг гар бичмэлээр нь надад авчирч өгөөд “Багшийн үг, сайхан дуу болно” гэсэн. Ая биччихээд Явуухулан гуай руу утастаж ирж сонсохыг хүссэн. Том ч зүрхтэй байж. Явуухулан гуай тэр дороо гүйгээд ирсэн. Эртний томчууд яасан ч даруухан улс байсан юм бэ. Төгөлдөр хуур дээрээ тоглож өөрөө дуулж өгсөн. Сайхан дуу болж гэнэ. Тэгэхээр нь зориг ороод “Та намайг уучлаарай, шагшуурга гэдэг чинь угтаа юу гэсэн үг юм бэ” гэсэнд Явуухулан гуай инээгээд “Чи баруун аймгийн хүн биш учраас мэдэхгүй байж мэднэ” гэснээ “Чамд яавал амархан ойлгуулах вэ” гээд хэсэг бодсоноо “Шараа чи Туул голын шугуйд очиж үзсэн үү?” гэв. “Үзсэн” гэсэнд “За тэгвэл Туулын бургас шуугихыг хэлж байгаа юм. Манай Хар ус нуурын дунд намар зэгс нь салхины аясаар шуугихыг шагшуурга гэдэг юм” гэж билээ. Дуугаа улам сайжруулахад Явуухулан гуайн энэ тайлбар надад их тус болсон. Би салхины аясаар ганхах бургасны ширхгийг бодоод дууны бичлэгийн нэг хэмт загварыг эвдсэнээрээ нэгэн ёсны нээлт хийсэн гэж боддог. Энэ дуугаараа би Монголын залуучууд оюутны II их наадмын тэргүүн шагнал хүртсэн.1964 онд Монголын хөгжмийн зохиолчдын анхдугаар их хурал хуралдлаа. Хүлээн авалт “Улаанбаатар” зочид буудалд болсон юм. Зангад бид хоёр доогуурхан, үүд хавьдуу байлаа. Аваргууд дээгүүр байв. Нэг хартал Явуухулан гуай хундагатай архи барьчихсан Зангад бид хоёрыг шууд чиглэж ирээд бид хоёрт хандаж оросоор “Хар ус нуурын шагшуурга” не повторимое приозведение. Спасибо вам большое. За это выпим” гэж билээ. Үүнээс том үнэлгээ гэж тэр үеийн залуу уран бүтээлч бид хоёрт байх уу даа. Би урамшаад Явуухулан гуайн “Сартай шөнийн дуу”-нд ая хийсэн. Зангад дуулсан. Хожим нь Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, “Эх орны тухай дуу”, “Ганга нуур”-т ая хийсэн. Урам хайрлахад бүтээл ундардаг юм билээ” гэсэн байдаг.

Түүний уран бүтээлийн салшгүй нэгэн жигүүр бол дан хөгжим юм. Хийл хөгжим чамгүй эзэмшсэний хувьд тэрээр энэ зэмсэгт зориулан “Хийлийн концерт”, “Хийлийн гурвалсан концерт” болон гоцлол, цөөхүүл, чуулгад олон арван бүтээл туурвижээ. Мөн симфони найрал, чавхдаст найрал хөгжмийн бүтээл, том хэлбэрт ч эрч хүчээ сорьсон юм. Хөгжмийн зохиолч Ж.Шараагийн дууг зөвхөн Зангад дуулаад байсангүй. “Дэлгэрхэн дэлхий”-г гавьяат жүжигчин Оросоо, “Амар түвшин”-г нь алдарт дуучин Адарсүрэн, “Мөрөөдөл”-ийг ардын жүжигчин Түмэндэмбэрэл дуулж тайзнаа мөнх амьдруулсан түүхтэй. Улсын гавьяат жүжигчин А.Загдсүрэн, Н.Отгон, Найдалмаа, Д.Тунгалаг нар ч олон дууг нь дуулсан. Ийм гандан бууршгүй зуу гаруй дуутай, 50 гаруй дан хөгжмийн зохиолтой хөгжмийн зохиолч хэр олон байдаг билээ. Хөгжмийн зохиолч Ж.Шарааг зөвхөн нийтийн дууны их мастер гэж ойлговол, төө сөөм дутуу үнэлэлт болох байх. Хийл, төгөлдөр хуурт зориулан “Монгол аялгуу”, “Элегия”, “Цоглог аяз”, “Бүүвэйн дуу” зэрэг олон арван бүтээлээ туурвисан юм. Эдгээр бүтээлийг нь гадаад дотоодын олон хөгжимчин тоглосон байдаг. Ж.Шараа 1938 онд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрж, 1948-1952 онд Асгат сумын бага сургууль, 1952-1955 онд Улаанбаатар хотын театр хөгжмийн дунд сургуулийг хийл хөгжмийн мэргэжлээр төгссөн. 1955-1961 онд ЗХУ-ын Свердловск хотын М.П.Мусоргскийн нэрэмжит Уралын хөгжмийн дээд сургуулийн хийл хөгжмийн анги, 1968-1973 онд Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус тус төгсчээ. Тэрээр Москва хотын бүжгийн дунд сургуульд багш, 1975-1977 онд МҮЭ-ийн соёлын төв ордонд уран сайхны удирдагч, 1981-1984 онд Дархан хотын хөгжмийн сургуулийн хичээлийн эрхлэгч, 1986-1988 онд Монголын пионерийн ордоны уран сайхны удирдагч, 1990 оноос Улаанбаатар хотын хөгжмийн коллежийн багш зэрэг ажлыг хийж байжээ. Уралын хөгжмийн дээд сургуульд орж суралцан гадаадад хийлийн мэргэжлээр дээд сургууль төгссөн анхны мэргэжилтний диплом өвөрлөж иржээ. Манай ихэнх хөгжмийн зохиолч анхны уран бүтээлээ дуугаар эхэлсэн бол Шараа дан хөгжмөөр эхэлсэн аж. Тэрбээр оюутан ахуйдаа “Монгол аялгуу” нэртэй хийлийн гоцлол бичиж улсын шалгалтаа өгсөн нь өндөр үнэлэгдэж Н.А.Шварц багш нь Свердловскийн радиод бичүүлсэнийг хожим манай радиогийн урын санд авсан гэдэг. Тэр үеийн сонсогчдын сэтгэлийг булгилуулж байсан “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Миний ээж”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дуучин болов оо, би”, “Сартай шөнийн дуу” нь одоо ч үе үеийнхний дуртай дуу болон дуулагдсаар. Шараа хүүхдийн ордонд хоёр жил багшлахдаа “Авьяас” гэсэн ардын чуулгатай болгож, ятга, лимбэний хэдэн сайн хүүхдийг хөгжим, бүжгийн дунд сургуульд оруулсан аж. Соёлын яамны томилолтоор Дарханд хоёр жил ажиллахдаа хөгжмийн оройн сургуулийн суурийг тавилцаж, Дуурийн театрын дэргэд дуурийн дуучин бэлтгэх анхны студи байгуулагдахад Уртнасан, Баадайжав, Насанбуян, Гэцэл нарын оюутнуудад хөгжмийн цагаан толгой зааж байжээ. Тиймээс түүнийг багшаа гэж бахархан дурсах шавь олон. Ж.Шараа Л.Мөрдорж гуайн жинхэнэ гарын шавь нь юм. Тиймдээ ч тэрүү “Шараа нэг юм хүртчихвэл миний санаа амрах нь тэр. Ийм авьяастай хүн хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй яваад би харамсдаг” гэж ярьсан байдаг. Ж.Шараагийн уран бүтээлийн тухай өгүүллэгийн мастер Ж.Лхагва, улс төрийн нэрт зүтгэлтэн Ж.Гомбожав, хөгжим судлаач, доктор Бадамжавын Батжаргал, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Цогзолын Нацагдорж нарын олон хүн бичжээ. Наян насныхаа босгонд уянга яруухан дэлгэрхэн дэлхийгээ аргадаж яваа уянгын дууны нэрт мастер Жамбалын Шараагийн тухайд товчхон өгүүлэхэд ийм буюу.


Categories
мэдээ цаг-үе

П.Дэлгэржаргал: 1911 онд тусгаар тогтнолоо олж авсан язгууртнууддаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн юм. Хаандаа төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхэн өдөр хоёр хоногийн дараа тохионо. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал билээ. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсныг түүхчид онцлон тэмдэглэдэг. УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуулиар арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульчилсан түүхтэй. Монгол түмний магнайд гэрэл гийлгэсэн эл сайхан өдрийн тухай Монгол Улсын их сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргалтай уулзаж хүүрнэлдэв.


-Арван нэгэн оны үндэсний эрх чөлөөний түүхэн хувьсгал бол Монголын ард түмний магнайд баярын мишээл гийлгэсэн гайхамшигт үйл явдал мөнөөсөө мөн. Тэр үед өмнөд монголчууд нь умар зүг, Урианхай, Буриад, Халимаг зон нь өмнө тийш Монголын төв зүрхэн нутаг тийш хандан өглөө мандах наранд мөргөн залбирч байсан гэдэг. Мөн ч сайхан хувь заяа юм даа гэж би хувьдаа бахархдаг?

-XX зууны Монголын түүх бол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх. Өөрсдийнхөө тусгаар тогтнолыг бэхжүүлж олон улс, дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлсэн зуун л даа. Манжийн ноёрхолд монголчууд хоёр зуу гаруй жил дарлагдсан. Харь гүрний нөлөөнөөс салах чин хүсэлтэй Монголын язгууртнууд хорьдугаар зууны эхээс улсаараа яаж тусгаар оршин тогтнох вэ гэдэг дээр ухаанаа уралдуулж эхэлсэн байдаг. Янз бүрийн арга сүвэгчилж байсныг өнгөрсөн түүхээс харж болно. Хятадад Манжийг эсэргүүцсэн бослого тэмцэл гарсан цаг энэ үетэй давхацдаг. Ихэс дээдэс, язгууртнууд, эх орончид энэ бүх үйл явдал, дэлхийн байдлыг харгалзаж үзээд Монгол Улс тусгаар тогтнох нь зүйтэй гэж үзсэн. 1911 оны зун наймдугаар богд Жавзандамба хутагтад бат оршил өргөх даншиг наадмыг зохион байгуулах үеэр тодорхой ноёд санал нэгдэж нууцаар хуралдсанаар шийдвэр гаргасан түүхтэй. Энэ шийдвэрийн дагуу гурван хүнийг Хаант Оросоос тусламж гуйлгахаар илгээсэн. Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өмнөд Монголын гүн Хайсан нарыг илгээсэн байдаг. Тусгаар тогтнолын төлөө тэмцэх нэгдсэн шийдвэрт хүрсэн үе гэж үзэх учиртай он цаг л даа. Тэгээд намар нь Халхын хүрээний бүх хэргийг ерөнхийлөх шийдэх газар гэсэн нэртэй түр засгийн шинжтэй байгууллагыг байгуулсан юм. Улмаар Үндэсний эрх чөлөөний хувьсгал эрчимжиж Манжийн амбанг Монгол орноос үтэр түргэн явахыг шаардсан тулган шаардах бичиг өгснийг монголчууд бултаараа мэдэх байх.

-Сандо амбанг яг хэдний өдөр тулган шаардаж гаргасан байдаг билээ?

-1911 оны арванхоёрдугаар сард өрнөсөн гол үйл явдлын нэг л дээ. Сандод гурван хоногийн дотор хилээс гарах шаардлага тавьсан байдаг юм. Сандо амбан 1911 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Монголоос Хиагтаар дамжиж гарсан байдаг. Тусгаар улс болж оршихын эхлэл гэж хэлж болох үйл явдал. Ер нь тусгаар тогтнолоо зарлана гэдэг төрөө байгуулж буй хэрэг. Тусгаар тогтнолоо алдана гэдэг төрийг нь устгачихаж байгаа хэрэг. Монгол Манжийн төрийн захиргаанд орсон учраас тусгаар тогтнолоо алдсан. 1911 онд Манжийн төрийг үгүйсгэж өөрсдөө төрөө байгуулсан учраас тусгаар тогтнолоо олсон юм. Өмнө нь төртэй байсан улс төрөө сэргээсэн гэсэн үг. Ингэхдээ наймдугаар Богд Жавзандамбыг Монгол Улсын Наран гэрэлт их хаанаар өргөмжилсөн. Цаашлаад таван яам бүхий Засгийн газрыг байгуулсан байдаг. Энэ үйл явдал арванхоёрдугаар сарын 29-ний өдөр болсон юм. Бүр тодруулж хэлбэл Монгол Улс XX зуунд тусгаар тогтнолоо зарласан албан ёсны өдөр нь 1911 оны арванхоёрдугаар сарын 29. Тийм ч учраас өнөөдөр монголчууд тусгаар тогтносон энэ өдрөө амралтын өдөр болгож тэмдэглэж байна.

-Арванхоёрдугаар сарын 29-нөөс өмнө Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй ноёд нууцаар хуралдсан тухай түүхэн романд тэмдэглэсэн нь бий. Засагт хаан Дашням Чингисийн угсааны хүн хаан байх ёстой гэж нэлээд бухимдсан гэсэн яриа хөөрөө ч байдаг. Түүхэн талаасаа хэр бодитой баримт вэ?

-Тухайн үеийн үндэсний эрх чөлөөний хувьсгалыг оройлон манлайлж оролцож явсан Чингисийн угсааны ноёдын зүгээс сүртэй эсэргүүцсэн гэх барим тавим баримт байхгүй. Учир мэдэх улсын тухайд олны хүлээн зөвшөөрөхүйц хүмүүсийг хаанаар өргөмжлөх нь чухал гэдгийг мэдэрч байсан. Энэ утгаараа хамгийн нөлөө бүхий хүн нь VIII богд байсан. VIII богдын хувьд өргөл барьц их авдаг гэдэг утгаараа нэлээд хөрөнгөлөг байсан бодит үнэн бий. Энэ давуу тал нь нөлөөлсөн байж таарна. Нөгөө талаас шашин монголчуудад ямар байр суурь эзэлдэг билээ. Тэр талаас нь харахаас аргагүй цаг байсан. Тийм ч учраас богдыг хаанд өргөмжлөхдөө алтан ургийн хүнд тооцсон байдаг.

-Яагаад алтан ургийн хүнд тооцсон юм бол?

-Анхдугаар богд бол Түшээт хан Гомбодоржийн хүү. Тэр утгаараа тухайн үеийн шашны ойлголтоороо хувилж төрнө гэдэг эрхэм зүйл. Ийм учиг сэжмээр алтан ургийн гэж тооцож хаанд өргөмжилсөн байдаг юм. Өөрөөр хэлбэл VIII Богд оюун санаагаараа алтан ургийн хүн.

-Хаант Оросоос тусламж гуйсан бичигт гарын үсэг зурсан хүмүүсийн хувьд үл ойлголцол, эвдрэл байсан болов уу?

-Хаант Оросоос тусламж гуйсан бичигт Жавзандамба хутагт болон Халхын дөрвөн хаадын нэр байдаг. Хэний нэрийн өмнөөс тусламж гуйх вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс хоорондоо харьцангуй санал нэгдэж байсан гэсэн үг л дээ. Мэдээж боломж гарвал хаан болчихъё гэсэн бодолтой хүмүүс байлгүй яахав.

-Оросын хаанаас яг ямар тусламж гуйсан, яагаад чухам тийм тусламж гуйх болов гэдэг түүхэн шалтгаанаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Тусгаар тогтноход туслаач л гэсэн. Манжийн нөлөөнөөс гарахгүй бол язгуур үндэс бүх юм маань эвдэрч эхэллээ гэдгийг учирлан тайлбарласан. Товчхондоо хэзээнээсээ бид тусгаар улс байсан, тийм учраас бидэнд бүх талын тусламж үзүүлээч гэсэн агуулгатай захидал илгээсэн юм.

-Манжийн нөлөөнөөс гарч улс тусгаар оршиход Оросын нөлөө, дэм хэр байв?

-Мэдрэгдэхээр нөлөөтэй байсан. Тухайн үеийн олон улсын байдлаас болоод Хаант Орос шууд дэмжинэ гэсэн байр суурийг ил тодоор илэрхийлээгүй. Гэхдээ дэмжсэн. Шууд дэмжлэг ер нь түвэгтэй. Нөгөө талын улстай харилцааны эвгүй, түвэгтэй байдал үүсдэг тал бий.

-Манай улсын тусгаар тогтнолын түүхэнд гурван улсын гэрээгээр тусгаар тогтнолоо алдсан гашуун сургамж бий. Үүн шиг үйл явдал давтагдах вий гэсэн болгоомжлол байдаг. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөгөөс 107 жилийн өмнө Монголын бүх анги давхаргынхан эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрвийх дэрвийхээрээ бие сэтгэлээ зориулсан байдаг. Тэр үед хоёр том зорилготой байсан. Нэгдүгээрт, тусгаар тогтноё гэж зорьсон. Хоёрдугаарт, тусгаар оршихдоо нэгдсэн Монгол Улсыг байгуулъя гэж зүтгэсэн. Өмнөд Монголыг өөртөө нэгтгэх том зорилго байсан. Таван замын цэрэг илгээсэн нь тийм учиртай. 1914 оныг дуустал Өмнөд Монголд байлдааны ажиллагаа явуулсан байдаг юм. Оросоос ирсэн цэргийн зэр зэвсгийн тусламжийг үндсэнд нь Өмнөд Монгол руу гаргасан түүх бий. Тухайн үед Манжийн нөлөөнд байсан Монгол, Төвд, Шинжаан Уйгар гэх мэт үндэстэн бүгдээрээ тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн. Энэ бүх үндэстнээс ганцхан Монгол л тусгаар тогтнолоо олж чадсан. Бусад нь чадаагүй. Ингэж тэмцэж байж 1911 онд тусгаар тогтнолоо олж авсан язгууртнууддаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.

-Өнөөдөр тусгаар оршихын тулд үндэстнээрээ хүлээх үүрэг гэж бий. Бидний хувьд улсаараа тусгаар оршихын тулд ямар үүрэг хүлээх ёстой вэ?

-Үе үеийнхэнд өөрийн гэсэн хариуцлага гэж байна. Аль үеийнхэн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө юу хийв гэдгийг хожмын түүх шүүдэг. Тэгэхээр бүх үеийнхэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө явах учиртай. 1911 онд тусгаар тогтнолоо зарлах нь хамгийн чухал байсан байх. 1921 онд тусгаар тогтнолоо дахин баталгаажуулах нь эн тэргүүний зорилго байсан. Сүүлд нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх нь чухалд тавигдсан байж болно. Энэ мэтээр цаашилдаг нь жам л даа. Өнөөдрийн тухайд бол эдийн засгийнхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай нүүр тулаад байна. Оюун санааныхаа дархлааг нэмэх гарцаагүй шаардлага бий. Олон улсын хувьд санаа зовох юм алга. Тэртэй тэргүй НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсэн тусгаар улс. Хил хязгаарын маргаан мэтгэлцээн гэж толгойгоо барих зовлон алга. Өнгөрсөн зууны дундуур шийдчихсэн асуудал. Хоёр хөрштэйгөө тэр үед тохиролцоонд хүрч чадсан нь бидний хувьд түүхэн дэвшил. Тодруулж хэлбэл өнгөрсөн хугацаанд бид тусгаар тогтнолоо ямар нэгэн байдлаар бэхжүүлээд яваад ирсэн. Даяарчлал бол шинэ эрин. Хоёр системтэй байх үеэс тэс ондоо болчихлоо. Хоёр системтэй байхад улс орнуудын бодлого маш тодорхой байсан. Зөвлөлтийн талыг барьдаг нь ийм бодлого, Америкийн талыг шүтдэг нь тийм бодлого барина гэдэг байлаа. Гэтэл өнөөдөр дэлхий олон туйлт харилцаатай болчихсон. Тодруулж хэлбэл шинэ хуваарилалт болж байна, дэлхийд. Маш хэцүү үйл явц. Дэлхийн нэг, хоёрдугаар дайн яаж үүссэн гэж та бодож байна?

-Таны сая ярьсан шинэ хуваарилалтаас болсон уу?

-Тэгсэн. Дэлхийн дайнууд хүчний дахин хуваарилалтаас болж үүссэн байдаг. Дайны дараа шинэ тэнцвэртэй байдал хадгалагддаг. Одоо бол хуучны тэнцвэртэй байдлаа хадгалахад хэцүү болчихлоо. Шинэ тэнцвэрийг эрэлхийлж байна. Тэр утгаараа олон улсын харилцаа маш эгзэгтэй байгаа. Хоёрдугаарт хойд, урд хөрш гэж том асуудал бий. Бид газар зүйн байрлалын хувьд хоёр том гүрний дунд оршдог. Сүүлийн үед Хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэгжиж байна. ОХУ-ын тухайд цэрэг зэвсгийн хувьд бяртай болсон. Путин саяхан дэлхийд цэрэг, зэвсгээрээ тэргүүлэх боллоо гээд зарлачихлаа. Оросын хувьд нэг талаараа улсаа хамгаалах гэж цэрэг зэвсгээ хүчирхэгжүүлсэн байх. Нөгөө талаараа хүчний шинэ хуваарилалтыг харсан алсын бодлогын илрэл байх өндөр магадлалтай. Хүчний шинэ хуваарилалтад хүчирхэг байх ёстой гэсэн бодлого байхыг үгүйсгэх аргагүй. Ер нь ч тийм. Хятад ч зүгээр суухгүй байгаа. Зүүн Өмнөд Ази гэх мэт олон оронтой газар нутгийн том маргаан хийж байна. Иймэрхүү хандлагаар газар нутгаа тэлэх оролдлогыг олон оронд явуулж буй нь нууц асуудал биш. Америкийн бодлого өөрчлөгдсөн. Трампын шийдвэр, алхмуудаас тодорхой харагдаж байна. Европын холбоог хар. Англи яагаад энэ том холбооноос гарчихав.

-Яагаад гарсан гэж…?

-Хуучин цагт олон улсын харилцаа идеалоги, үнэт зүйлсийн төлөө гэсэн чигт зангилагдаж байсан. Харин өдгөө үндэсний эрх ашиг, улс үндэстэн бүр хувь хувиа бод гэсэн чиг рүү хандаад эхэлчихлээ. Трамп Америкийн эрх ашиг гэж тов тодорхой яриад суугаа нь үүний тод жишээ. Чөлөөт худалдаанаас татгалзсан нь ч ийм учиртай. Америкт ашиггүй учраас татгалзаж байна.

-Ийм үед бид улс төрийн ямар бодлого барих ёстойгоо ярихгүй бол хэцүүднэ гэж та хэлэх гээд байна уу?

– Тийм. Монгол дэлхийн бодлогыг тодорхойлох хэмжээний том улс биш. Тийм учраас дэлхийг сайн харах ёстой. Дэлхийтэй яаж хөл нийлүүлэх вэ гэдэг дээр фокуслах учиртай. Тэр дундаа хоёр зүйл дээр онцгой анхаарах шаардлага бий. Нэг нь эдийн засгийн аюулгүй байдал. Бусдаас хараат бус, бие даасан эдийн засагтай байх хэрэгтэй. Тусгаар оршихын нэг том үндэс нь энэ. Хоёрдугаарт, оюун санааны хувьд дархлаатай байх шаардлага бий. Глобалчлалын үед жижиг улсуудын хувьд онцгой анхаарах учиртай асуудал. Монгол үндэстнийхээ хувьд үнэт зүйлээ бий болгох хэрэгцээ үүсчихсэн. Үүнийгээ төрөөсөө эхлээд бүх төвшиндөө тодорхойлоод явах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр монгол хүний үнэт зүйл гэж юу вэ гэсэн асуултад эргэлзэлгүйгээр хариулах хүн алга.


Categories
мэдээ цаг-үе

Баартуугийн Зангад: Монголын домогт уран бүтээлчдийн дууг би бараг аялсан даа, аялсан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын нийтийн уянгын дууны нэрт мастер, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараагийн 80 насны ой сайхан боллоо. Та энэ уран бүтээлчийн олон сайхан дууг дуулсан биз?

-Монгол Улсын консерватори Монголын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн маань 80 насны ой болон “Уянга яруу дэлгэрхэн дэлхий” шинэ номын нээлт, “Эх орны уянга-2” цомгийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж байгаад уран бүтээлийн хамтран зүтгэгч хүний хувьд би талархалтай хандаж байна. Шараа маань түрүү зууны жараад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, нийтийн дууны ертөнцөд авьяас билгээ сорьж эхэлсэн. Мянга есөн зуун жараад он гэдэг Монголын зохиолын дууны их ургацын жилүүд байсан л даа.

-Урлагийн их тэсрэлт, алтан үеийнхэн гэж яригддаг даа?

-Тийм. Зохиолын дууны их ургацын жилүүд байсан л гэж би хэлнэ. Тэр үед зохиолын дуу бичдэггүй хөгжмийн зохиолч гэж байгаагүй. Агуу их хөгжмийн зохиолч Самбын Гончигсумлаа, Г.Бирваа, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Дагвын Лувсаншарав гуай гээд бүгд дууны төрлөөр уран бүтээлээ гайхамшигтай туурвиж байлаа. Тэдэн дотроос хамгийн залуу нь манай Шараа байсан. Онгод цалгилсан цэл залуухан тэр насандаа нийтэд хамгийн их түгсэн “Хавар ирлээ шүү, хүүхнүүдээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Дуучин болов оо, би”, “Гэгээн өглөө сайн байна уу” зэрэг сайхан уран бүтээлүүд туурвисан нь өнөөдөр Монголын дууны урлагт байр сууриа эзэлсэн хүнд хэлэх үгтэй, хүнд сонсгох хөгжим дуутай болгожээ. Намайг яваад ороход охид бүсгүйчүүдийн дунд “Хавар ирлээ шүү, Зангад аа” гэх онигой ч маягийн яриа тархсан л байсан. Бид хоёр Хөгжим бүжгийн сургуулийн намхан шар байшингийн 35, 36 гэсэн зэргэлдээ хоёр өрөөнд ажилладаг байлаа. Шараа Намсрайжавын шүлгээр “Чиний минь хайр” гэсэн дууг 1962 онд зохиосныг би дууллаа. Тэрнээс хойш 1968 он хүртэл зохиосон “Миний ээж”, “Мөрөөсөл”, “Эх орны тухай дуу” гээд бараг бүх дууг нь дуулсан шүү. Тэр сайхан дуунуудын анхны дуулагч болсон би азтай хүн юм даа.

-Шинэ, хуучин он солигдох мөчид таны дуулсан шинэ жилийн дуу эгшиглэх ч бас сайхан шүү?

-Жаран хоёр онд ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай “Сүлд модны наадмын дуу”-гаа бичиж, агуу их яруу найрагч Жамцын Бадраа гуай шүлгийг нь бичсэн. Арванхоёрдугаар сарын 29-нд бичлэгт орж 31-нд эх орон даяар араажаваар цацагдаж байлаа. Тэрнээс хойш энэ жил тавин долоо дахь жилдээ дуулагдаж байна даа.

“Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадамд

Өвлийн элчийг тойруулцгаая аа…” гээд сайхан ч үгтэй дуу даа. Хожим энэ дууг соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа хоёртой шинэчлэн дуулсан шүү дээ. Гончигсумлаа гуай, Бадраа гуай нарын энэ дуу аялагдахгүйгээр хоёр он солигдох тухай төсөөлөхийн аргагүй юм. Тийм агуу дуу юм. Шинэ жилийн тухай олон ч уран бүтээлч өрсөлдсөн. Тэднээс ингэж он жилийн хойно шалгарч цолгорч үлдэнэ гэдэг уран бүтээлийн чанарын талаар ярихаас аргагүйд хүргэнэ.

-Алтан үеийнхэн маань зохиол бүтээлээ ёстой чин сэтгэлээсээ л туурвидаг байсны шинж дээ?

-Ахмад үеийнхэн маань зохиол бүтээлээ хийхдээ онгод хийморио цалгиулан байж туурвидаг байж. Ахмад үеийнхэн уран бүтээл хийхдээ мөнгөний талаар ярьдаггүй, мөнгөөр цэгнэж уран бүтээл хийдэггүй сэтгэлийн болоод авьяасын уран бүтээл туурвиж байсныг эндээс тодорхой харж болно.

-Та Шараа гуай шиг наяад насны босго алхчихсан хүн. Урлагийнхан тэтгэвэрт гардаггүй гэсэн үг байдаг. Та шинэ уран бүтээл туурвиж байна уу. Мэдээж дуулуулах урилга бол их ирдэг биз ээ?

-Яах вэ, яахав. Олны буянаар урилга ирнэ. Би бол зохиогч, бүтээл туурвидаг хүн биш, гүйцэтгэгч уран бүтээлч учраас олны дэмээр энэ агуу уран бүтээлчдийн бүтээлийг олон түмэнд хүргэх сэтгэлийн хөвч минь алдраагүй байна. Хоёр он солилцох мөчид “Сүлд модны наадмын дуу”-г дуулуулах сонирхол, дуулж өгөөч гэсэн хүсэл тэмүүлэл ирдэг юм. Одоо хүртэл ирж л байна. Саяхан Монголбанкны сүлд модны наадамд очиж дууллаа. Бас Ховд нутгийнхаа залуучуудын сүлд модны наадамд дууллаа. 29-нд Монголын залуучуудынхад, 31-нд “Алтан сарнай” ёслолын ажиллагаанд дуулна. Шараагийнхаа дуунуудыг ч дуулдаг. Тэр дуунуудыг дуулахаар хорин хэдтэй залуу нас минь л их бодогдоно доо. Ная гарсан хүмүүст сэтгэлд үлдсэн бүтээл гэдэг залуу насыг эргүүлж авчрах сэтгэлийн их боломж дурсамжийг нээж өгөх юм даа.

-Ховдын шинэ жил гэснээс нутагтаа ойрд очив уу?

-Ойрын хоёр жилд очсонгүй. Нутгаа сэтгэлдээ байнга тээж л явах юм. Радио телевизийн сувгууд өргөн дэлгэр нээгдэж, зам харгуй сайхан болчихсон. Зориод очъё гэвэл бүрэн боломж бололцоо байж байна. Гэхдээ нутгийн зон олонтойгоо утас цахилгаан, зурагтаар өдөр болгон шахуу л уулзаж байна даа.

-Нутагт чинь таны хамаатан садан олон бий юу?

-Бараг байхгүй дээ. Миний төрсөн дүүгийн дөрөв таван хүүхдүүд л байдаг юм. Тэдэндээ л очно. Очихтой зэрэг таних хүнгүй шахам болчихож. “Чи хэний хүүхэд вэ” гэж аав ээж, удам судрыг нь асууж байж таних жишээний болох юм даа.

-Өнөө ганц дуутай дуучин л цээжээ дэлдэж хөгжмийн зохиолчид, яруу найрагчдаас мөнгө нэхдэг болчихсон цаг үед та “Би зүгээр л нэг гүйцэтгэгч уран бүтээлч” гэж их даруухан загнаад байгаа юм биш үү?

-Монголын агуу домогт яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг би бараг аялсан даа, аялсан. Тэднийхээ хийж бүтээснийг түмэн олонд хүргэж нэр хүнд олж авчихаад, тэднийгээ үгүйсгэх, үл тоомсорлох тиймэрхүү ёс суртахуунгүй зүйл яавч байж болохгүй. Тэд маань анхдагчид байхгүй юу даа. Тийм учраас анхдагчдынхаа ач буянаар л өдий зэрэгтэй явж байгаа гэдгээ сэтгэлийнхээ гүнд ухамсарлаж явах нь уран бүтээлч бидэнд ер нь чухал бол уу даа.

-Шинэ оны босгон дээр настан буурал та ямар сайхан ерөөл хэлмээр байна?

-Эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа сэтгэл сайт ард түмэн минь шинэ ондоо өнгөлөг өөдрөг байг. Ямар ч үед монголчууд бид эв эетэй, эвсэг найрсаг байж, бие биенийхээ хатуу ширүүн үгийг сонсож чаддаг сэтгэлийн тэнхээтэй ард түмэн шүү. Энэ сайхан уламжлалаа битгий умартаарай. Сайн сайхан аж төрж эх орныхоо бүтээн байгуулалтад авьяас хүчин төгөлдөр зүтгэж, юу санасан есөн цагаан хүсэл чинь бүтэж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ!


Categories
мэдээ цаг-үе

А.Долгор: “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” дуурийг Халхын голын ялалтын ойд зориулсан

Монгол Улсын ардын жүжигчин, СУИС-ийн багш Аюурзанын Долгортой уулзаж ярилцлаа. Ардын уран зохиолч, Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжавын цомнол, төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдын хөгжмийг нь туурвисан “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурийг тэрээр кино дуурь болгосноо тэрээр саяхан үзэгч түмэнд толилуулсан юм. Кино дуурийн нээлтэд урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Д.Баттөмөр, дуучин Эрдэнэтунгалаг, Солонгоо, Цовоо болон СУИС-ийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн ангийн оюутнууд зэрэг урлаг соёлын хүрээнийхэн хүрэлцэн ирсэн байлаа.


-Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын цомнол, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын аялгуу “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” моно дуурийг кино дуурь болгож нээлтээ хийж байгаад баяр хүргэе!

-Баярлалаа. Кино дуурь маань цаг гаруй хугацаанд үргэлжилж байгаа. Кино дууриа өмнө би үзээгүй яваа. Үзэгчидтэйгээ хамт анх удаа үзэх гэж буй болохоор сэтгэл их догдолж байна. “Эхийн сэтгэл, хүүгийн захидал” дуурийг анх Дуурь бүжгийн эрдмийн театрт тавина гэж анх төлөвлөсөн байсан. Уран бүтээл төрөх явцад кино дуурь болговол олон түмэнд хүртээмж нь сайн байх болов уу гэж бодсон. Кино дуурь болгосноор оюутнуудын сургалтад ч хэрэгтэй, хөдөө орон нутагт цомгоо тавиад үзчих юм гээд олон талаас нь бодсон. Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох нь нээлттэй. Залуу дуучид дуулахгүй байхын ч аргагүй. Монголын анхны кино дуурь учраас гадаад дотоодын урлаг судлаачдад ч хүрэг гэж санасан.

-Моно дуурийн сэдэв нь чухам юу билээ?

-Ирэх онд Халх голын дайны ялалтын 60 жилийн түүхт ой тохионо. Тиймээс дайнд хүүгээ үдсэн эхийн сэтгэлийн өнгийг дууны урлагаар илэрхийлье гэж би 2016 онд анх санаачлан ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Шаравын Сүрэнжав гуайд захиалга өгч цомнолыг нь бичүүлсэн юм. Тэр дайнтай өдрүүдэд хүүгээ цэрэгт мордуулна гэдэг эх хүний хувьд зүрх өвтгөсөн хэцүү зүйл байх нь тодорхой. Сүрэнжав найрагч ч үүнийг дэндүү сайхан илэрхийлсэн цомнол бичсэн. Ганц хоёрхон бадгийг дурдахад л ямархан найраг болсон нь мэдэгдэнэ. “Шээзгийтэй аргалаа үүрч явахдаа

Шаазгайтай нутгаа ширтэн суухдаа

Үр чамайгаа дандаа бодож

Дүр төрхийг нь сэтгэлдээ ургуулна.

Аргал олоод арагшаа шидэхдээ бодно

Жаргал дуудаад урагшаа алхахдаа бодно

Холцруутай хацрыг нь үнсэж зүүдэлнэ

Цэврүүтсэн гарыг нь илбэж аргадна” гэх мэт сэтгэлийн хайлал мэлтэгнэсэн ийм л бүтээл боллоо. Хөгжмийн хувьд сэтгэлд минь маш их хүрсэн. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболд аялгууг нь үнэхээр сайхан туурвисан. Сайхан бичигдсэн хөгжмийг дуулахад сайхан байдаг. Би өөрөө миццософрана хоолойтой. Эмэгтэй хүний жаахан бүдүүн өнгийн хоолой гэх юм уу даа.

-Дайнд үрээ явуулсан эх ч түмэн янзын сэтгэлийн зовлон, жаргал эдлэх байх шүү?

-Хүүгээс ирсэн янз бүрийн захидлын аясаар эхийн сэтгэл мөнгөн ус шиг бөмбөрнө. Эхлээд сайхан байна хүү бичнэ. Сүүлд нь хэсэг сураггүй болно. Хүү нь алагдчихсан юм шиг амьд, үхсэн нь мэдэгдэхгүй болно. Энэ бүхэнд эх хүн сэтгэлээ зовлонгийн жин дээр тавьж өгнө өө дөө. Төгсгөлд нь ялалтын моринд дөрөөлөөд эсэн мэнд ирж байгаа. Хүүгийн захианд ч ээжийгээ бурханчлан хайрлах аяс их. “Зуухны гэрэлд тодорсон

Галын бурхан ээж минь

Зулын гэгээнд тодорсон

Гэрэлт амь ээж минь

Зургаан тивтэй дэлхийд

Эх орон ганцхан

Зуу наслахгүй хорвоод

Ээж минь наддаа ганцхан” гээд ямар энгийн сайхан үгтэй захидлууд хүүгээс ирж байна гээч. Тиймээс энэ дуурь тоглох ч дүр ихтэй, дуулах ч зүйл ихтэй болсон.

-Таныг Монголын дуурийн урлагийн хатан хаан гэж тодорхойлох ч үе байсан. Моно дуурь дуулна гэдэг ч хоолойн их цар шаардах байх шүү?

-Хатан хаан нь ч юу байх вэ. Би урлагт дөчин таван жил боллоо. Ер нь өөрт оногдсон дүрдээ л дуулсан хүн. Нэг мянга есөн зуун далан гурван онд Төв аймгийн Соёлын ордонд дагалдан дуучин болсноос хойш урлагийн сургуульд суралцан, их урлагийн театртаа дуулсан. Энэ өнгөрч буй онд хоёр том тоглолтоо ард түмэндээ толилуулсан.

-Монголын дуурийн эрэгтэй дуучид ч дэлхийн хэмжээнд оччихлоо шүү?

-Манай эмэгтэй дуучид ч дэлхийн зиндаанд дуулж л байгаа. Манай Мөнгөнцэцэг, гавьяат жүжигчин Ө.Уянга, Наранчимэг, Даариймаа гээд хэчнээн мундаг дуучид байна гээч. Яахав конкурсэнд л явахгүй л байгаа болохоос. Конкурсэнд явснаар дуучдын чансаа дээшилнэ гэж байхгүй шүү дээ. Хэрвээ яваад дуулбал эрэгтэйчүүдээс дутахгүй мундаг дуучид байна.

-Та одоо ямар ажил эрхэлж байна?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангид багшилж байна. Шавь нар маань түрүүчлээд Дуурийн театрт дуулж эхэлж байна. Тэр сайхан театрт өөрөө дуулж байсан бол одоо шавь нар маань сайхан дуулж эхэлж байгаа нь сайшаалтай. Сайхан дуучдыг төрүүлнэ гэсэн бодлын минь биелэл ингэж тодорч байгаад л баяртай байна даа.

-Таныг моно дуурийнхаа нээлтэд ирээд байгаа энэ үед шагнал гардууллаа. Ямар учиртай шагнал билээ?

-Би саяхан Улаанбаатар хотын дээд шагнал “Хангарьд” шагналын эзэн болсон юм. Тэр шагналыг нийслэлийн удирдах ажилтнууд авчирч гардууллаа. Урлагт өдий олон жил зүтгэхдээ Улаанбаатар хотынхоо урлаг соёлын бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн зүтгэлийг минь үнэлсэн юм болов уу даа. Саяхан Соёлын төв өргөөний 30 жилийн ой болсон. Энэ сайхан өргөөг нээгдсэн цагаас нь тайзан дээр нь дуулсан байдаг.

-Таныг “Бодлын цагаан хун” дуугаар чинь олон түмэн гүн хүндэтгэлтэй мэхийн ханддаг. Ойрд ийм сайхан бүтээл төрүүлэх нь үү?

-Ийм сайхан бүтээл төрнө л гэж боддог. Юм гэдэг чинь дуусна гэж байдаггүй мөнхийн баян ундаргатай зүйл. Хүний оюун ухаан, бурхнаас заяасан авьяас билэг хэзээ ч дундрахгүй. Биднийг ид дуулж байх үед мэргэжлийн дуу их давамгайлж байлаа. Одоо ард түмэнд зориулсан дуу түлхүү дуулагдаж байна. Цаг цагаараа л байх юм. Ямар ч төрлөөр туурвисан уран бүтээл шигшигдээд л үлдэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Доктор С.Эрдэнэмаам: Орос хэлний мэргэжлээр дөч гаруй жил ажиллаж байна даа

Орос хэлээр овоглосон С.Эрдэнэмаам, С.Галсан нар

МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос хэл, арга зүйн тэнхимийн профессор, хэл бичгийн ухааны доктор Сосорбарамын Эрдэнэмаамтай уулзаж хөөрөлдлөө.Тэрээр 1971 онд Баянхонгор аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, 1972 онд ЗХУ-ын Эрхүү хотын улсын их сургуулийн бэлтгэл факультет, 1977 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, 1995 онд Москва хот дахь А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний институтын аспирантурыг эчнээгээр тус тус төгссөн, “Хэл судлаач-орос хэл, уран зохиолын багш” мэргэжилтэй нэгэн аж. С.Эрдэнэмаам 2007 онд Монгол Улсын Боловсролын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүнээр сонгогджээ. Эдүгээ тэрбээр БСШУСЯ-ны дэргэдэх ЕБС-ийн сурагчдын орос хэлний олимпиадыг зохион байгуулах дэд хорооны дарга, Боловсролын үнэлгээний төвийн тест боловсруулах багийн эксперт. 1996 оноос МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.


-Таныг Монголын сэхээтнүүд “Орос хэлний Эрдэнэмаам” гэж тодорхойлдог. Ингэхэд ус нутаг хаанахынх билээ?

-Би Баянхонгор аймгийн Жинст суманд 1954 онд төрсөн хүн. Манай нутаг говьтой, талтай сайхан газар. ЗХУ-д 1977 онд сургууль төгсөж ирүүтээ Монгол Улсын их сургуульд доктор С.Галсан багшийн тэнхимд багшаар хуваарилагдан дөрвөн жил ажилласан. Түүнээс хойш дөчин нэгдэх жилдээ орос хэлтэй зууралдаж байна. Тиймээс “орос хэлний” гэж тодотгох болсон юм бол уу даа. (инээв) БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, зохиолч Дондогийн Цэвэгмид гуайн нарийн бичгийн даргаар 1981-1988 онд ажиллалаа. Даргыг тэтгэвэрт гарахаар 1987-1989 онд МАХН-ын Төв Хорооны Үзэл суртлын хэлтэст зааварлагчаар очлоо. Тэгж байтал ч цагаан морин жил болж ордныг гороолоод эхэлсэн.

-Д.Цэвэгмид гуайг монголчууд Монгол Улсаа НҮБ-д элсүүлэхэд хичээнгүйлэн зүтгэсэн тэргүүний сэхээтэн гэдгийг мэднэ. Тэр их хүний дэргэд ажиллаж байхдаа их зүйл сурч мэдсэн байж таараа. Ер нь ямаршуухан хүн байв?

-Ёстой бурхан шиг хүн байсан юм. Би одоо хүртэл зүүдэлдэг юм шүү дээ.

-Еэ, бурхан минь…

-Намайг ажилд авахдаа “За, Эрдэнэмаам аа, би уурлаж үзээгүй, харааж мэдэхгүй, хүн рүү муухай харж үзээгүй. Нэг өгсөн үүрэг даалгавраа “Юу болсон бэ” гээд асуучихвал намайг багтарч үхтлээ уурлаж байна гэж ойлгож байгаарай” гэсэн юм. Найман жил туслахаар нь ажиллахдаа нэг ч удаа шаардуулж үзээгүйдээ баярладаг. Даалгавар бүхнийг нь цаг хугацаанд нь л өгдөг байсан. Хэдэн жил хамт ажиллалаа. Хэзээ уурлах бол гээд хүлээгээд байсан чинь ерөөсөө уурлаагүй шүү. Найман жил ажиллахдаа уурлахыг нь ганцхан л удаа харсан.

-Та их л том алдаа гаргаж дээ?

-Уурлахдаа харааж загнах үйлдэл ганц ч гаргахгүй. Хэдийд уурласан бэ гэхээр нэг удаа хонх дуугарахаар нь яваад ортол А.И.Филатоватай утсаар ярьж байна. Тэгээд надад утсаа сонсголоо. Цаадах нэг орлогч сайдын нэр хэлээд “Одоохон тэрийг ажлаас нь хал. Халахгүй бол чамайг өөрийг чинь хална. Сайхан мэдээрэй” гэж байна. Мань эрийн царай нь улайчихсан “Хорошо Анастасия Ивановна” гэсээр утсаа тавихдаа хэлээ жигтэйхэн том гаргаж билээ. Уурлаж байгаа нь ердөө тэр. Авгай хүний гараар могой бариулах гэж байхгүй юу. “Гурав хоноод мартчихдаг юм сан. Юу болох нь вэ” гэж дарга хэлж байсан. Нөгөө хүн үнэхээр тэгээд л мартсан даа. Цэвэгмид гуай тийм бурхан шиг хүн байсан. Манай авгай гайхдаг юм.

-Юу гэж гайхах вэ?

-“Чи намайг зүүдэллээ гэж ярих юм. Даргаа зүүдэлсэн гэх юм” гээд. (инээв)

-Үзэл суртлын хэлтэст зааварлагчаар ажиллахад хэцүү байв уу?

-Соёл хариуцсан зааварлагч хүн чинь кино, концерт хянадаг юм байна. Энүүхэндээ гэхэд мэдлэг хүрдэггүй. “Мандухай сэцэн хатан” киног хяналцаж байлаа. Ардын уран зохиолч С.Дашдооровын “Саруул талын ерөөл” гэж их зохиолч Д.Нацагдоржийн тухай уран сайхны киног бас хянасан. Тэгээд концерт хянана. “Яаж нэг мэргэжлийнхээ ажилд очъё доо” гэж бодож явтал ашгүй хувь заяаны эрхшээлээр ажлаа өөрчлөх боломж гарсан. Ингээд 1989-1991 онд А.С.Пушкины нэрэмжит Орос хэлний институтын Улаанбаатар хот дахь салбарын орлогч захирлаар ажиллаж, 1991-1992 онд Боловсролын яамны боловсролын мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч, 1992-1995 онд Хөгжмийн коллежийн захирал, 1995 онд Монгол-Оросын хамтарсан дунд сургуулийн захирал, 1995-1996 онд Боловсролын яамны дэргэдэх Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996-2013 онд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос хэл, арга зүйн тэнхимийн эрхлэгч, 2013 оноос тус тэнхимийн профессороор ажиллаж байна даа.

-Та Монголын Орос хэлний холбоог удирдаж байна уу?

-Монголын Орос хэл-уран зохиолын багш нарын холбоо гэж албан ёсны нэршилтэй байгууллага л даа. С.Галсан багш маань Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад бурхан болсон. Би Ерөнхий нарийн бичгийн даргаар нь үлдчихээд, одоо болтол сонгууль хийж чадахгүй л яваад байна. Ерэн оноос хойш л энэ ажлыг хийлээ. Энэ холбооныхоо үйл ажиллагааг орчин үеийн шаардлагын хэмжээнд удирдах, эрхэлж буй тэнхимийн багш нараа эрдэмжүүлэх, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрүүдийг цаг үедээ нийцүүлэн шинэчлэн боловсруулах, орос хэлний мэргэжлийн ангийн оюутны хэл-орон судлалын дадлагыг ОХУ-д үр дүнтэй хийлгэх зэргээр хэрдээ хөөрхөн юм санаачлах гээд байдаг ухаантай. Яах вэ, үүний ч үр дүн юм уу, орос хэлний мэргэжлийн ангийн оюутнууд ОХУ-ын аль нэг их сургуульд нэг улирлын турш хэл-орон судлалын дадлага хийж байгаа нь ирээдүйн мэргэжилтний эзэмших мэдлэг чадварт сайн нөлөө үзүүлж л байгаа байх. Орос хэлний багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, орос хэлний ангийг амьд авч үлдэх гээд иймэрхүү юм хийж байна даа.

-Орос хэлийг хэчнээн их, дээд сургуульд зааж байна?

-Бүх их, дээд сургуулийн хэмжээнд орос хэлний хичээлийн хөтөлбөрийг хаачихсан. Зөвхөн МУБИС-д л зааж байна. Ерөнхий боловсролын сургуульд долоогоос есдүгээр ангид долоо хоногт зөвхөн хоёрхон цагийн л хичээл орж байгаа. Арваас арванхоёрдугаар ангид сонгон болгочихсон шүү дээ. Сургуулиудын орос хэлний багш бэлтгэдэг тэнхим тэгэхээр зөвхөн манайх болчихож байгаа юм. Энэ тэнхимдээ би хорин жил болж байна. Арван долоон жилд нь эрхлэгч хийж дээ. Энэ хугацаанд тэнхимийнхээ бүх багш нарыг докторын зэрэгтэй болгож дээ.

-“Орос хэлний” хэмээн овоглогдон, эрдэм мэдлэгээрээ гайхагдсан ардын багш Сэрээнэнгийн Галсан академичийн талаар танд ярих зүйл их байгаа байлгүй?

-Ээ, ярилгүй яахав. Далан долоон онд тэнхимд нь багшаар ирэхэд тэнхимийн багш нарын олонх нь орос багш нар байсан. Орос багш нарын хичээлд сууж гарч ирээд алдааг нь хэлдэг гайхамшигтай хүн шүү дээ. “Заах арга гайгүй байна. Наад яриагаа цэнэж яриарай” гэхэд “Юу вэ, би Эрхүүгийн унаган орос хэлтэй хүн шүү дээ” гээд маргах гэхэд нь “Та сая ингэж хэлсэн үү. Хэлсэн. Тэгээд тэр чинь буруу ш дээ” гэхэд л “Тийм байна ш дээ” гээд буруугаа хүлээнэ. Хоёр гурван удаа орос багшийн алдааг засаж байхыг би мэднэ. Оросоор ярьж байгаа нь эх хэлээрээ ярьж байгаа юм шиг чөлөөтэй сэтгэж, зүйр сэцэн үг энэ тэр хэрэглэх нь гайхамшиг даа. Намайг Эрхүүгийн их сургуулийн бэлтгэлд очиход манай багш “Та нар Галсан багш шигээ орос хэлийг сураарай. Ярианд нь ч, бичигт нь ч алдаа байхгүй үнэхээр гайхамшигтай хүн” гэж байсан.

-Таны эрдэм бүтээлийн ганзага богц их дүүрэн байдаг биз?

-Одоо ЕБС-д хэрэглэж буй орос хэлний бүх сурах бичгийн редактораар ажилласан. МУБИС-ийн орос хэлний багш мэргэжлийн ангийн оюутанд зориулсан хэд хэдэн сурах бичиг, гарын авлагын зохиосон тал бий. Гурван докторант, 20 гаруй магистрантын эрдэм шинжилгээний ажлыг удирдаж хамгаалуулж, орос хэлнээс роман, тууж, өгүүлэл, уран сайхны болон баримтат кино 40 гаруйг орчуулсан. Оросын нэрт зохиолч А.Лихановын “Миний генерал” хэмээх өсвөр насны хүүхдэд зориулсан романыг 1982 онд орчуулан нийтийн хүртээл болгосон юм. Тэгсэн энэ роман 2005 онд дахин хэвлэгдэж БСШУЯ-наас баталсан сурагчдын заавал унших номын жагсаалтад орлоо. Үүнээс илүү баяр гэж юу байх вэ. “Дүнсгэр мөрөн”, “Нисдэг Честмир”, “Валентин, Валентина хоёр”, “Хонгорхон Зинуля”, “36-80-ын хавтгайд тохиолдсон явдал” зэрэг хэд хэдэн кино орчуулсаан. Одоо ОХУ-ын ШУА, Монгол Улсын ШУА-иас хамтран хэрэгжүүлж буй “Орос-Монгол их толь бичиг” зохиох олон улсын эрдэм шинжилгээний төсөлд хамтран гүйцэтгэгчээр оролцож байна даа. “Монголын орос хэл судлаач эрдэмтэд” ном бичсэн. Удахгүй хэвлэгдэх л байх.

-Таны орос хэлний мэдлэг, хэмжээлшгүй их зүтгэлийг Монголоосоо илүү гадаадынхан их үнэлдэг гэж сонссон?

-Тун ч даруу биш сонсогдох үг байна. Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо 2002 онд Вашингтон хотноо хуралдсан Ерөнхий Ассамблейнхаа шийдвэрээр байгууллагынхаа дээд шагнал “А.С.Пушкины нэрэмжит алтан медаль”-иар шагнасан удаа бий. ОХУ-ын Буриадын Улсын их сургууль 2003 онд, Новосибирскийн Улсын багшийн их сургууль 2013 онд, Эрхүүгийн улсын их сургууль сая 100 жилийн ойгоороо “Хүндэт профессор” цол хүртээсэн.

-Таныг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины нэрэмжит шагнал хүртсэн л гэсэн дээ?

-Арай л ташаа мэдээлэл байна. 2013 онд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар төрийн дээд шагнал “Найрамдлын одон” авсан.


Categories
мэдээ цаг-үе

Г.Мягмарсамбуу: Ардын Хатанбаатар Магсаржав гуч гаруй байлдаанд орж ганц ч ялагдаагүй гарамгай жанжин

Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан Мөнхөд дуурсагдах алдрын эзэн хэмээх үзэсгэлэн өчигдөр Монгол цэргийн музейд нээлтээ хийлээ. Энэ үеэр ШУАийн Түүх, археологийн хүрээлэнгийн Бүс нутаг ба орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбуутай хөөрөлдлөө.


-Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын мэндэлсэн тэгш ой энэ онд тохиож байна. Сүүлийн хорь гаруй жил түүх намтрыг нь дагнан судалсан түүхч хүний хувьд ярих зүйл их байгаа даа?

-Би 1990-ээд оны эхээр цэргийн түүхч болсон үеэсээ Хатанбаатар Магсаржавын намтрыг хорь гаруй жил судалж дөрөв таван ном бичсэн. Ардын Хатанбаатар Магсаржав бол Монголын ХХ зууны төр, цэргийн нэртэй зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин. Магсаржав амьдралынхаа сүүлийн хориод жилийг төр улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэлд бүрэн зориулсан хүн. Тэр 1911-1922 он хүртэлх арав гаруй жилд Монгол орны баруун, зүүн, өмнө, умард хязгаарт хийсэн бараг бүх байлдааныг биечлэн удирдсан. Энэ хугацаанд гуч гаруй удаагийн байлдаанд оролцож, ганц ч ялагдал үзээгүй гайхамшигтай цэргийн жанжин. Тийм ч учраас Бүх цэргийн “Соёмбо” сонин 2001 онд Ардын Хатанбаатар Магсаржавыг XX зууны манлай цэргийн жанжин гэж тодруулсан. Хатанбаатар Магсаржав 1921, 1922 оноос эхлээд Монгол Улсын Ардын засгийн газрын Цэргийн явдлын яамны дэд сайд, сайдаар насан эцэслэтлээ ажилласан. Энэ хугацаанд Магсаржав 1921 онд сайн дурын үндсэн дээр байгуулагдсан Ардын журамт цэргийг Оросын болоод Европын жишгээр өөрчлөн шинэчилж, Монголд байнгын арми байгуулах үйл хэргийг гардан удирдсан гавьяатай. Тиймээс түрүү зууны монгол цэргийн түүхэнд Хатанбаатар Магсаржавтай эн зэрэгцэх алдар гавьяаг байгуулсан хүн бараг байхгүй гэж хэлж болно.

-Жанжны бодит намтар Сономын Удвал ахайтны зохиол Хатанбаатар уран сайхны кинотойгоо хэр дүйдэг бол?

-Ардын жүжигчин Жигжидсүрэн гуайн найруулсан энэ кино Хатанбаатар Магсаржавын алдар гавьяаг мөнхжүүлсэн, уран бүтээл талаасаа ч, түүхэн талаасаа ч маш сайхан бүтээл болсон. Гэхдээ зөвхөн энэ киногоор түүний амьдралыг төсөөлж болохгүй. Кинонд харуулаагүй олон түүх байгаа. Тухайлбал, энэ кино миний ойлгож байгаагаар 1921 оны Ардын хувьсгал ялснаар дууссан. Гэтэл тэрнээс хойш бүтэн зургаа, долоон жил амьдарч 1927 оны есдүгээр сарын 3-нд таалал төгсөх хүртэлх үйл амьдрал тусаагүй. Мэдээж хоёрхон ангит кинонд бүхнийг тусгах боломж байгаагүй байх. 1911-1921 оны хооронд болсон явдлыг харуулахыг тусгасан гэж би ойлгодог. Ер нь 1911, 1921 оны хоёр хувьсгалд хоёуланд нь оролцсон хүн Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт Дамдинбазар нараас өөр төдийлөн их байхгүй.

-Дамдины Сүхбаатар хоёуланд нь оролцож, Богд хаанаас хүртэл Баатар цолоор шагнуулаагүй бил үү?

-Д.Сүхбаатар 1912, 1913 оноос цэргийн алба хааж эхэлсэн бөгөөд 1911 оны хувьсгалд оролцоогүй.

-Хатанбаатарын цэрэгт мордсон хүн ар гэртээ Вандан буриадын хавиргыг өвөртөлж ирж байсан гэж хөгшчүүл ярихыг сонсож байсан. Хүний зүрхээр туг тахиж байсан гэдэг нь үнэн юм бол уу?

-Монгол орны өнцөг булан бүрт Хатанбаатарын цэрэг байсан. Миний тооцоолсноор 1911-1922 оны хооронд түүний удирдлага дор Монголын арван мянга орчим эрс цэрэгт алба хааж явсан шиг байдаг. Эдгээр цэргүүд Хатанбаатарын цэрэг байснаараа бахархдаг. Цэргүүд нь Хатанбаатарыг насан туршдаа бишрэн шүтэж байсан. Түүнийг монголчууд яагаад ингэж бишрэн шүтсэн юм бэ гэхээр төр түмнийхээ өмнө байгуулсан агуу их баатарлаг гавьяаг хүндэтгэж байсан. Хоёрдугаарт, шашны эрдэм ухаанд боловсорсон чойжин лам хүн байсан. Чойжин гэдэг бол Буддын шашны улааны ёсыг гол болгосон, нэлээд хатуу догшин зан үйл үйлддэг хүн. Хатанбаатар дайн байлдаанд явахдаа чойжин буудаг байсан. Шашныхаа эрдэм ухаанаар цэргүүдээ эмчилдэг, мэргэ төлөг буулгаж дайн байлдаанд орох өдөр судраа үздэг байсан. Харийн дайсны хүч чадал, зоригийг мохоох шашны зан үйлүүдийг үүтгэдэг байж. Партизануудын дурсамжинд “Хатанбаатар ямаанд сахиус зүүгээд буудахад сум тэр ямааг онодоггүй байсан” гэж дурдагддаг. Хатанбаатар байлдаанд ороод буцаж ирээд бүсээ тайлахад өврөөс нь сумнууд шажигнаад унадаг байсан, дайсны сум нэвтэрдэггүй байсан гэх жишээтэй олон домог байдаг. Дайсны зүрхээр туг тахих зан үйл байсан нь үнэн. Ховд хотыг 1912 онд чөлөөлөх байлдааны үед Магсаржав, Дамдинсүрэн нарын удирдсан цэрэг олзолсон дайсныхаа зүрхээр туг тахиж байсан тодорхой баримт байдаг. Дайсны зүрхээр туг тахих зан үйл эртний монголчуудын цусан өшөө авах зан үйлээс улбаатай. Энэ зан үйл XX зууны эхэн хүртэл уламжлагдаж ирсэн.

-Ховд хотыг манжаас чөлөөлөхөд Жаа лам Дамбийжанцангийн цэргүүд голлон үүрэг гүйцэтгэсэн гэх яриа их байдаг?

-Магсаржав, Дамдинсүрэн нар Нийслэл хүрээнээс 25 цэрэгтэй Баруун хязгаар руу мордсон байгаа юм. Баруун хоёр аймгаас цэрэг дайчлан татаж Ховдыг чөлөөлөх байлдааныг удирдсан. Магсаржав, Дамдинсүрэн нарыг баруун хязгаарт очиход Жаа лам Дамбийжанцан захчны нутагт байсан. Цэрэг дайчилж буй мэдээ занги сонсоод Жаа лам Монгол Улсын Засгийн газраас томилсон сайд Магсаржав, Дамдинсүрэн нартай ирж уулзан холбоо тогтоож, тэдний удирдлагаар Ховд хотыг чөлөөлөх байлдаанд хамт оролцсон. Энэ байлдаанд оролцсон цэргийн тоог гурван мянга, таван мянга гэж янз бүрээр ярьдаг. Тэрний ихэнх нь Дамбийжаагийн цэрэг байгаагүй. Дамбийжаа Баруун хязгаарт олсон нэр нөлөөгөөрөө цэрэг дайчлан татахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Амьтны амь хороох нүгэлтэй гэж олон жил шашны үзлээр хүмүүжсэн цэргүүдийг зоригжуулж дайн байлдаанд оруулахад Жаа лам зохих хувь нэмрээ оруулжээ. Наймдугаар сарын 20-нд Ховд хотыг чөлөөлөх эцсийн шийдвэрлэх давшилт эхлэхийн өмнөх хэд хэдэн удаагийн бүслэлт байлдаанд Дамбийжаа идэвхтэй оролцож байсан. Гэхдээ Дамбийжаа Ховдыг чөлөөлөхөд хамгийн шийдвэрлэх үүрэгтэй оролцсон гэж болохгүй л дээ. Ховдын усан татаалтай шавар хэрмийг Магсаржав тэргүүтэй хорь гаруй цэргүүд дүүжин шатаар дамжин давж орж, хаалгыг нь онгойлгосноор монгол цэргүүд дайран орж Сангийн хэрмийг эзэлж авсан шүү дээ. Энд Манж, Хятадын цэргүүд, манж амбаны зарлигаар зэвсэглэсэн дайсны овоо хүчин хориглож байсан байдаг.

-Торновский зэрэг өрнийн болон Оросын цагаач зарим нэг хүмүүсийн дурсамж сэлтээс харахад Хатанбаатар Магсаржавыг Улааныг үзэж урвадаг, шарыг харж шарвадаг, дийлсэн талд үйлчилдэг, ер нь өөрийн гэсэн байр суурьгүй нөхөр гэсэн маягтай юм бичсэн байдаг?

-Цаг төрийн үймээнтэй үе гэдэг жинхэнэ тэр үед байлаа шүү дээ. Тэр үед Монгол орноор янз бүрийн улсууд явж байсан. Тэдний зарим нь Хатанбаатар Магсаржавтай уулзаж байж. Бүр хамтран зүтгэж байсан хүмүүс ч бий. Зарим нь сайхнаар дурсаж үлдээсэн. Бурдуков бол Магсаржав, Дамдинсүрэн нартай маш дотно холбоотой байсан. Бурдуковын амийг Хатанбаатарын цэргүүд аварч байлаа.

-Кинон дээр гардаг шиг үү?

-Тийм. Бурдуков нүдээрээ үзэж, сэтгэл зүрхээрээ мэдэрсэн зүйлээ бичсэн байгаа. Монгол нутгаар явж байсан тэр олон хүнээс Хатанбаатар таалагдаагүй, эсвэл зөв ойлгоогүй хүмүүс байж л таараа шүү дээ. Тэд Магсаржавын тухай сөрөг юм бичсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би энэ хүний намтрыг олон жил судалсан хүний хувьд нэг л зүйлийг баттай хэлж чадна. Тэр нь юу вэ гэвэл Хатанбаатар хэзээ ч улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвадаг хүн байгаагүй. Магсаржавын ганцхан чиг зорилго бол Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө байсан. Эрх чөлөө, тусгаар тогтнолд хор хүргэх хэнийг ч цааш нь харуулахад бэлэн байсан хүн. Тэр түүхэн цагийн эрхээр Барон Унгерний цэргийн жанжнаар явсан нь үнэн. Барон Унгернтэй хамт Чойрын чиглэлд байлдаанд явахдаа цагаантан оросуудтай үзэл санааны зөрчилд орсон. Бароны цэргүүд монголчуудыг дураар дарлан зовоож, мал хөрөнгийг дээрэмдэж буйг нүдээрээ үзээд, эсэргүүцэн муудалцаж, тэднийг замаасаа хөөгөөд явуулж байсан.

-Магсаржав гуай таван хүүхэдтэй байсан ч тэд нь төрсөн үр хүүхэдгүй байсан гэдэг үнэн бол уу?

-Магсаржав хоёр хүү, гурван охинтой хүн байсан. Том хүү Сундуйсүрэн 1921 оны ардын журамт цэргийн партизан. Чойбалсанг 1921 оны өвөл Хатанбаатарын гэр орноор очиход ардын журамт цэрэгт элсэж морь малаар тусалж, газарчлан, харилцаа холбоо барьж байсан гавьяатай хүн. Сүүлд Сайн ноён хан аймгийн цэргийн захирагч жанжнаар ажиллаж байсан. Аав, хүү хоёр хоёулаа л 1921 оны хувьсгалд оролцсон партизанууд. Удаах хүү Мажигсүрэн нь лам байсан юм билээ. Ихэвчлэн хошуу нутагтаа гэртээ байж. Дарь, Хорлоо, Жавзан гээд гурван охинтой. Хатанбаатар Магсаржав хатан Цэвэгмидтэйгээ 13 настайдаа гэр бүл болсон байдаг. Хошуу ноён итгэмжит түшээ гүн Гаанжууржав нь цөөн тооны мал хуй тасдаж өгсөн юм билээ. Магсаржавын таван хүүхдээс төрсөн хүүхэд байхгүй нь үнэн л дээ. Өргөж авсан хүүхдүүд нь харин улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Бидний сайн мэдэх хүн бол хуурамч Дамбийжаад тоглосон, гавьяат жүжигчин Цолмонбаатар Мажигсүрэнгийнх нь өргөмөл хүүхэд шүү дээ. Цолмонбаатар гуайд өвөөгийнх нь сахиус, бурхан шүтээн хадгалагдаж байсныг би судалж номондоо оруулж байсан.

-Магсаржав жанжны амьдрал ч морин дэл дээгүүр л хийсэж өнгөрч дээ?

-Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэлд амь, биеэ бүрэн зориулсан хүн. Өөрийнх нь гэр хошуу нутагт нь байдаг. Нийслэл хүрээнд ганц биеэрээ байж, байнга хил хязгаарт дайн тулаанд явна. Хорин хоёр оноос шинэ тутам байгуулагдсан Монгол Улсынхаа цэрэг армийг өөрчлөх үйл хэрэгт өдөр шөнөгүй зүтгэж байсан. Чойбалсан дурсамждаа “Хатанбаатар бие нь өвдөөд дагжин чичирч байсан ч цэрэг ардын хуралд сууж байхыг би нүдээрээ үзсэн” гэж бичсэн байдаг даа. Ажлаасаа хааяа нэг чөлөө авч гэр орноороо очин, бурхан шүтээнээ эргэдэг ийм л амьдралтай хүн байж дээ. Насаараа морин дэл дээр дайн тулаанд явсан хүн учраас сүүлдээ бие нь их муудсан. Хорин гурван оноос өвдөж, хорин долоон оноос рашаан усанд явж биеэ эмчлүүлсэн ч эдгэлгүй 49 насандаа таалал төгссөн. Нас барах үедээ эмчлүүлэхийн тулд монголчууд болоод гадаадын иргэдээс зээлж авсан дөрвөн мянга гаруй төгрөгийн өртэй байсан байдаг. Төрийн сайд хүн байж эмгэнэлтэй байгаа биз. Тэр үед сайн морь гэхэд арав хорин төгрөгийн л үнэтэй байсан гээд бод доо. Хатанбаатрын намтраас би монгол хүн монгол хүнээ хайрлахын, монгол цэрэг хүн монгол төрдөө өргөсөн тангарагтаа үнэнч байхын үлгэр жишээг олж хардаг. Бас өөрийнхөө амь нас, амьдралыг хайрлахгүйгээр эх орныхоо төлөө зүтгэхийн гайхамшгийг мэдэрч, өөрийн эрхгүй бишрэн сүсэлдэг дээ.


Categories
мэдээ цаг-үе

Лувсандамбын Дашням: Монгол орныг хүн төрөлхтний түүхийн архив гэж хэлж болно

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Лувсандамбын Дашнямтай уулзаж хөөрөлдлөө. Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч тэрээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул бөгөөд бичиж туурвиж, дуун хөрвүүлсэн тавь гаруй номоо уншигч олноо өргөн барьжээ.


-Монгол бахархлын өдөр хаяанд ирлээ. Монгол уламжлал академийн ерөнхийлөгч, соён гэгээрүүлэгч хүний хувьд танд бахархалтай санагдана биз?

-Эзэн богд Чингисийнхээ төрсөн өдрийг бид “Монгол бахархлын өдөр” гэж нэршүүлж, энэ өдөр улам утга агуулга, олон хэлбэртэй болж, юундаа бахархав гэдгээ мэддэг хүн олон болж буйд би их баяртай байгаа. Цаашдаа Монгол бахархлын өдөр бол омойтож огшдог, Чингисийн нэрийг барьж орилдог өдөр биш монголчууд бид ямар сайхан өвтэй, соёлтой хүмүүс билээ, хэн билээ гэдгээ таньж мэддэг тийм сайхан өдөр болно. Ер нь болж ч байна. Монгол бол аман бүтээл, аман зохиол, аман туульс, аман тууж, аман түүхийн асар их өвтэй орон. Үндсэн амьжиргаа нь мал аж ахуй болохоор мал ахуйтайгаа зэрэгцүүлээд оюунаа хөгжүүлэх, бодож бясалгах, байгалийг ажиглах, шинжих унаган боломжтой нөхцөлд амьдардаг болохоор эдийн соёлыг бүтээхийн хажуугаар оюуны соёлыг их бүтээсэн ард түмэн. Олон зууныг дамнаад энэ соёл маань хатуу гараар орж, хатуу үеийг дамжин үрэн таран болох нь болсон боловч агуу их соёл болохоор судлаад барахгүйгээр үлдсэн. Монгол орныг хүн төрөлхтний түүхийн архив гэж хэлж болно л доо.

-Монголчууд хүн төрөлхтний түүхэнд соёл гэхээр юм үзээд өгье гэсэн ч юу ч үлдээгээгүй ард түмэн гэх хүн ч байдаг даа?

-Хүн төрөлхтний түүх хадан дээр нь, газрын хөрсөн доор нь чухам Монголд л хадгалаастай байгаа юм. Үйлдвэрлэл, газар тариалан хөгжөөд ирэхээр энэ соёлд их халтай байдаг. Одоогоор бид харин аз болж тэрийгээ хадгалж чадсан учраас хүн төрөлхтөн түүхээ судална гэхэд Монгол руу харж, Монголд ирэхээс өөр үггүй болчихож байгаа юм. Монголын биет бус соёлын өв гадаадын ямар орнуудад байна гэдгийг эрж сурвалжилж, олж мэддэг сонирхогч хүмүүс, зориуд аялж судалж, сурвалжилдаг судлаачдын анхаарал энэ зүгт хандсан таатай үе ирж байна. Монгол судлалын холбоо, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд санаачлан гадаадад байгаа монгол соёлын өвийг хорин таван ботиор хэвлэн гаргах болсон. Эхний ботиуд гарсан.

-Ямар ботиуд гараад байна?

-Эрмитажид Ноён уулын булшнаас олдсон олдвороос гадна юу байна гэдгийг мэддэг боллоо. Хархорин, Ноён уулын олдворууд бүгд ном болоод гарсан. Солонгос, Японд байгаа соёлын өвүүд байна. Скандинавын орнуудтай тэнд байгаа Монголын соёлын өвийг хамтран ном бүтээл болгох гэрээ хэлцлийг сая хийсэн. Бид соёлоо яаж бүтээснээ мэдэхээс гадна дэлхийгээр нэг яаж тарааснаа мэддэг, тэрийгээ үзээд ирэхээр эргээд өөрийнхөө юу туурвиж бүтээж байсан оюуны чадвараа мэднэ гэдэг үнэхээр бодитой бахархал болно. Бид мэдэхгүй болохоороо юундаа бахархах, юугаа хэлэхээ мэдэхгүй бүхэл бүтэн үе бий болж удаан явсан. Бахархахын тулд юу байгааг мэдэх учиртай юм.

-Шонхор шувуу, хар цагаан сүлдийг монгол бахархлаар нэрлэсэн. Үүнийг та юу гэж бодож байна?

-Арвангуравдугаар зууны Чингис хааны сүлд сүлдрүүд нь хар цагаан байсан гэдгийг түүхэн сурвалжаас мэдэнгүүтээ сэргээсэн. Тэрийгээ хаана, хэдүйд нь догшуулах, цэнгүүлэх юм, хаана хадгалахаа бүр нарийн нягт тогтоогүй мөртлөө бахархлаар зарлаж байна л даа. Нэгэн үе хаалттай боолттой үе байсан болохоор уламжлалт соёлын дутуу түүхий юмнууд байгааг үгүйсгэх аргагүй.

-Тийм дутуу түүхий юм таны анзаарсанаар чухам юу байх шиг байна?

-Нэг том юмыг бодох хэрэгтэй. Монголчуудын амьдралын хэвшил хотын хүмүүс, суурин соёлтой болчихлоо шүү дээ.

-Хүн амын дал гаруй хувь нь суурьшмал болсон байх шүү?

-72.4 хувь нь суурин амьдралтай гэж ЮНЕСКО-гийн шинжээчдийн судалгаанаас харж байлаа. Хорин хэдхэн хувь нь хөдөө байна гэдэг чинь бүгд шахуу хотын хүн болчихож байгаа юм. Хотын хүн болчихоор уугуул нүүгүүл орчинд зохицож байсан олон зүйл хэцүү болно л доо. Цагаан сар болоход зүгээ гаргадаг уламжлал байдаг. Одоо харин байшин барилга нь ертөнцийн зүгээрээ хаашаа ч харчихсан байх юм, зүгээ гаргалаа гэхэд эсрэг зүгт гаргах тохиолдол байх жишээтэй. Цагаан сараар их өндөр настантай ганц хоёрхон айл ууц тавьдаг байсан бол эдүгээ айл болгон тарган хонины ууцаар таваг засаж уралддаг болж. Ингээд ирэхээр уламжлал эвдэгдэж, тэрийгээ гажуудуулж буйгаа ч мэдэхгүй байх маягтай. Хурим найр хийхдээ ч улам гоё болгож байгаа нь гэж нүсэр болгодог, утга учрыг нь алдагдуулдаг явдал газар авлаа. Энэ бүхэн судлаачдаас эргээд том ажил нэхээд байгаа. Энэ бүхнийг цэгцэлж, хамгийн шимтэйг нь сорчлон гаргаж өгч, уншиж мэдэхэд дөхөм болгох ажлууд хийх хэрэгтэй. Ялангуяа сурах бичгүүдэд орж байгаа утга зохиол, түүх, ёс заншлын өвүүдийг маш сайн боловсруулж, цаашид уламжлан өвлөх санаа оноотойгоо орж ирэх ёстой.

-Монгол хүн бүрийн бахархал болох Монголын нууц товчоо хөлгөн их судрыг хятад ханз үсгээр уламжлагдан ирсэн гэдэг байсан. Харин Түвдийн номын сангаас худам монгол бичгийн эх арваад хуудас олдсон гэх юм?

-Өмнөд Монголын “Нууц товчоо” цуглуулагч Цогтнаран гэж залуу байдаг. Тэрэнд монгол бичгийн эх хуудсууд байдаг гэсэн. Би яг өөрийн гараар бариад, нүдээрээ хараад уншаад байсан зүйл байхгүй. Сумъяабаатар доктор эдний яриад байгаагаас үзэхэд судлаачдын гар дээр тэр эхийн хувилбар ирчихсэн, тэр битгий хэл харьцуулсан судалгаа хийчихсэн байгаа юм байна. “Монголын нууц товчоо”-г анзаарч байхад цаанаа бичмэл эхтэй нь мэдэгдээд, нэхэгдээд байдаг. Даанч тэр монгол бичгийн эх нь бидэнд байхгүй болохоор яалт ч үгүй болчихоод байгаа. Монгол хэлээр хятадын дүрс үсгээр биччихсэн эхээс хөрвүүлснийг бид мэднэ. Дүрс үсэг чинь зураг үсэг авиалахад хэцүү. Эргүүлж авиалахад олон түвэг учирдаг. Тэр түвэгээ тайлах гэж бас наашаа цаашаа болдог. Цэндийн Дамдинсүрэн гуай бол “МНТ”-г их сайхан сурвалж байна гэдгийг мэдүүт дотор агуулгыг уран зохиолын хэлээр ойлгомжтой сайхан хөрвүүлсэн гавьяатай. Энэ хөрвүүлэг судалгааны эх болгоход түвэгтэй талууд бий. Академич маань өөрөө ч амьд сэрүүн байхдаа энэ тухай ярьж байсан. Дамдинсүрэн гуай Цэнд гүнгийн хөрвүүлэг, Козины орчуулга, орос талын юмаа л голцуу тулгуурласан юм шиг байна лээ. Тухайн үед өөр барьчих эх ч байгаагүй юм чинь. Одоо бол “Нууц товчоон”-ы олон хэсэг, эхүүд ч гарч ирж байна. Тиймээс зарим эхүүдтэй тулгах, нөхөх ёстой зүйл юм. Би Цогтнарангийн цуглуулга, тэр цуглуулгуудын оршил үгүүдээр ном гаргасан. “Нууц товчоо” маань одоо л эхний жинхэнэ эхдээ ойртож, ойлголт нь их нарийн болж, “Нууц товчоо” судлаачдын тоо ч өсөх хандлагатай боллоо.

-Эзэн их хаан Чингисийн мэндэлсэн өдрийг Зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр төрсөн гэж түүх шастирт тодорхой дурдсан атал Ерөнхийлөгчийн зарлигаар бүр өвлийн сард тэмдэглэх болсон нь нэг л буруу юм шиг санагдаад байдаг юм даа?

-Их хааны мэндэлсэн үе чинь Нийтийн тоололд ороогүй байсан үе. Арга, билгийн тооллыг харьцуулж үзэхээр найман зуун жилийн дараа гүйгдээд ирэхээр тэр өдөр нь их өөр өдөр болж таарч байгаа юм л даа. Зурхайчдын аргачлалаас шалтгаалж аливаа өдөр зөрөх тохиолдол бий. Тэрнээс болоод бид цагаан сарын шинийн нэгнийг хоёр өөр өдөр тэмдэглэх ч байдаг шүү дээ. Тэрбишдээ илүү байна уу, Намсрайдаа итгэж байна уу, хэндээ илүү итгэж байгаагаараа золгодог доо. Тэрэн шиг л юм. Их хааны төрсөн өдрийг бодож, гаргалгааг нь гаргаад тогтоосон ухаантай юм. Зурхайн ийм зөрүүг монголчууд бүх нийтээрээ мэдэх ёстой.

-Таны орчуулсан Алишер Навойн Уянгын шүлгүүд номонд шимтэж үргэлжид унших дуртай сан. Орчуулсан бүтээлийн чинь тоо талийж өгөө байлгүй?

-Нэг ч их олонгүй ээ. Орчуулгын зүйлээрээ боть гаргая гэхэд гурав дөрвөн боть болно л доо. Би чинь Улсын хэвлэлийн газрын уран зохиолын редактороор бас нэг дээд сургууль төгсөх дайтай зургаан жил ажилласан. Миний редакторлосон ном харин олон доо. Бараг хоёр зуугаад шахуу юм бий. Редакторын ажлын хажуугаар ном орчуулна гэдэг их хэцүү. Залуу байсан тулдаа л амжуулж байсан юм болов уу даа. Заримдаа ч “Энэ номыг чи л орчуулах ёстой” гэсэн шахалтаар хийсэн юм бий. Владимир Солоухины өгүүллэгүүдийг ардын уран зохиолч С.Дашдооров маань “Энийг монгол түмэндээ хүргэ” гэж авчирч өгснөөр орчуулсан тохиол байна. Би ер нь хэзээ ч уран бүтээлийн чөлөө авч, мэргэжлийн зохиолч гэж сууж үзээгүй хүн. Ер нь нарийндаа одоо болтол тийм маягтай л явж байна. Нэг ажил хийдэг, тэрнийхээ чөлөөгөөр л амжуулж бичиж ирсэн. Өдий олон жилийн дараа “Уран зохиол бол миний хообий” гэж хэлбэл уран зохиол маань эрхээ биш гомдоно биз дээ. (инээв) Тэр үед уран бүтээлийн чөлөө олгодог нэг тогтоол гарсан юм.

-Ямар тогтоол билээ?

-Төрийн байгууллагад ажил үүрэгтэй зохиолчид жилд нэг удаа 15 хоногийн чөлөө олгож байх тухай юм. Алишер Навойн шүлгүүдийг номын төлөвлөгөөнд оруулчихсан чинь барьж авахад их хэцүү санагдаад. Номоо л уншаад байдаг. Сууж завддаггүй дээ. Тэгээд арван тав хоногийн чөлөө аваад Шаамарт байдаг Монголын зохиолчдын эвлэлийн уран бүтээлийн байшинд нам суусан. Их олон хоног дан орчуулга хийхээр сүүлдээ жаахан ядардаг юм байна лээ. Дунд хэсгийн, оюун халаад ирж байгаа үеийн орчуулга үнэхээр аятайхан байсан. Уншсан улсууд “Их онгодтой орчуулжээ. Хэл мэдэхээс гадна их онгод хэрэгтэй байдаг юм байна” гэдэг юм шүү. Тэгж орчуулсан ном доо. Дараа нь Ж.Лхагваатайгаа Японы хайку шүлгээс хэд хэдийг орчуулсан. “Японы яруу найраг” гэдэг хатуу хавтастай тэр ном манай яруу найрагчдад их нөлөөлсөн байдаг юм.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Гэгээн алсыг зорьсон Бат-Очирын Сундуй найрагч

Зүүн гараас: Б.Сундуй, Ж.Саруулбуян, Г.Мэнд-Ооёо.

Төв аймаг Мөнгөнморьт сум. Хэрлэнгийн зүүн хүрээний туурь. 1989 он.

Их зохиолчийн нэрэмжит номын санд яруу найрагч Бат-Очирын Сундуй агсны “Гэгээн алс” номын баяр боллоо. Баярт Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Ж.Саруулбуян, Ү.Хүрэлбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, “Паанан” туужаараа овоглосон Доржзовдын Энхболд, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, Т.Баянсан, Г.Сонинбаяр нарын олон уран бүтээлч цуглажээ. Тэнгэр зүг одсон Б.Сундуй хэмээх найрагчийн алдрыг О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Д.Урианхай нарын мэргэдийн амнаас олонтаа сонсож “Ясны яруу найрагч даа, даанч залуугаараа бурхан болсон” гэх шүүрсийг зүрх сэтгэлдээ ойр тээн үлдсэн сэн. Тэр ч байтугай ардын уран зохиолч Балжирын Догмид нэгэнтээ “Сэнгийн Эрдэнэ баавай Б.Сундуй бид хоёрыг л тоодог байсан” гэж омог бахдам хэлж байсныг санаж байна. Найрагч Сундуйгийн нэр болоод хувь тавилан Монголын утга зохиолын “Гал” нэгдэлтэй салшгүй холбоотой. Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар “Гал” хэмээх энэ бүлэг гаднаас тэр үедээ хэнийг ч үл хүлээн авах бөгөөд “тогоондоо буцалж” өдөр шөнөгүй яруу найргаар л амьдардаг сан” хэмээн бичсэн байдаг.

“Гал”-ынхаа тухай яруу найрагч Мэнд-Ооёо “Манай бүлгэм яруу сайхныг цогцлоох, түүний тулд өөрсдөө төгөлдөрших, оюун сэтгэлгээний бүх боломжийг нээх, Монголын ард түмний үнэт соёлыг бүтээлцэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зорьсон минь талаар болсонгүй. Он цагийн өндөрлөгөөс эргээд харахад алдсан юм их байвч, оносон минь илүү. “Гал” зөвхөн хувь хүмүүсийн нөхөрлөлийн түүх төдийгүй, утга зохиолын ертөнцөд өөрийн зам мөр, баялаг өв, сургамж, туршлагын түүх бүтээсэн байна. Бид өөр өөр оюуны шүтэн бишрэгчидтэй, багш нартай боловч, суралцах явдал зөвхөн дээрээс бус, дэргэдээсээ бие биеэсээ үлгэр авахын жишээг үзүүлэв. Бидний ойрын зорилго нь сайхан шүлэг бичих, өөрсдөө ариусах, зогсолтгүй суралцах, эрж хайх. Харин холын мөрөөдөл минь өөр өөрийн оргилд гарах, Монголоо дэлхийд гаргах. Эдүгээ Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөөд байгаагаар ХХ зууны цогтой эх оронч, сод авьяаст хүү, соён гэгээрүүлэгч, цагийг эзэлсэн яруу найрагч О.Дашбалбар, “Дорнын” хэмээн цоллогдох XX, XXI зууныг дамнан эзэгнэсэн суу билигт яруу найрагч Д.Нямсүрэн хоёрыг “Гал” эгнээнээсээ төрүүлсэн. “Гал”-ын гишүүн Ц.Ойдов Монгол Улсын төрийн сүлд, төрийн хасбуу тамгыг бүтээж, Я.Баатар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян нар докторын зэрэг хамгаалж, Д.Цогт маань Монгол Улсын шилдэг мэс засалч эмч, “Гал”-ын таван гишүүн гавьяат, нэг төрийн шагналтан, хоёр ч хүн Нацагдоржийн шагналтан болжээ. Бусад шагналыг тоолж барахгүй. Алдар гавьяаны төлөө бид яваагүй, гэхдээ хэр зэргийн бүлгэм байсны үзүүлэлт юм” гэсэн удаатай.

Галыг бадраалцах дөл Бат-Очирын Сундуй тавин дөрвөн оны морь жил мэндлэн гучин долоохон насалжээ. Түүнийг анхны шүлгүүдээрээ Монголын яруу найрагт цахиур хагалан орж ирсэн авьяас билэгтэн байсан тухай олон хүн дурссан байдаг.

“Алд борхон хагсуургандаа багсайж ургасан хад шиг

Арван наймтай миний сэтгэлд аандаа хурсан онгод

Бичих л байсан санаа минь хайнгууд нэгэнд нь таарч

Бишрэм шүлэг болох ясаа алдаагүй байгаа даа”

хэмээх ихэд хэрсүү бөгөөд уянга утга зохистойёо таацуулан урласан “Бичиж амжаагүй шүлэг” нь тэр үеийн залуусын “мөрийн хөтөлбөр”, амны уншлага болж байж. Тэрбээр наснаасаа ахадсан намбатай, нягт нямбай, цэвэр цэмцгэр нэгэн байсан гэдэг.

Номын баярт Г.Мэнд-Ооёо анд нь “Шүлгийг утга уянга, аялгуу хэмнэл тэгш, өө сэвгүй урлахын үлгэр бол Б.Сундуй юм. Харамсалтай нь тэр маань “Балжийн зулзаган монос” нэртэй анхны номоо л гаргаж амжсан. Хоёр дахь номоо “Гэгээн алс” гэж нэрлэж, хэвлэлд дөнгөж шилжүүлээд л өөрөө “гэгээн алсад одчихсон”. Азаар тэр номыг нь Ү.Хүрэлбаатар олж авсан, Гурав дахь номоо бэлдэж байсан гэх боловч одоо түүнийг олж цуглуулахад цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй болжээ. Хууль цаазны дунд сургууль төгссөн тэрбээр утга зохиолын ертөнцөд анхны бүтээлүүдээр танигдан хүлээн зөвшөөрөгдөж Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд элссэн боловч Эрхүүгийн бэлтгэлээс яагаад ч юм эргэж ирсэн. Ж.Саруулбуян, Б.Сундуй бид гурав түүний төрөлх гал голомт Мөнгөнморьтын Эрэг бүүрэг, Гурван Байдлиг, Хэрлэнгийн хөвөөгөөр цугтаа аялж, Хөгшчүүлийн сууринд байх ээжтэй нь золгоод замдаа Их Нацагдоржийнхоо Гүн Галуутайд очиж тав хоног аялсан минь одоо ч сэтгэлд тод үлджээ. Мөрдөн байцаагч, сонины сурвалжлагчийн алба хашиж явсан ч алинд нь ч биш, яруу найрагтаа л үнэн сэтгэлээ зориулсан ясны уран шүлэгч байлаа. Эдүгээ уран зохиолд 80-аад оныхон хэмээгдэгч бидний үеийнхний түүчээ нь Б.Сундуй байсан бөгөөд “Бичиж амжаагүй шүлэг”-ээ гүйцээн бичих буухиаг өөрийн үеийнхэндээ даатгаад тэнгэртээ алдарсан юм” гэж нулимстай дурсамжаа хуваалцсан.

Хорьдугаар зууны наяад оны Монголын их утга зохиолын содон төлөөлөгч, яруу найрагч, уран бүтээлийн “Гал” нэгдлийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Сундуй Хэнтий аймгийн Дадал сумын нутагт хөх морин жил төрсөн их хааны нутаг нугын хөвүүн юм. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын Хэнтийн буриадын тойргийн партизануудын нэг тэрээр “Ороо жаахан борыгоо барьж ядаад орой нь бичсэн шүлэг”, “Найгал шаргын домог”, “Адуу манасан анхны өглөө”, “Адуучны гадаа”, “Номхон цагаан морь минь”, “Үрээ морь”, “Ангир шарга морь минь”, “Эмнэгийн булгианд”, ”Зуны тэргүүн сарын өлзийт сайн өдөр хүлэг мориндоо хэлэх шүлэг” зэрэг морины тухай олон сайхан шүлэг бичсэн адууны хийморьтой, оюуны соёлтой цэмцгэр сайхан яруу найрагч байжээ. Сундуй Төв аймгийн Зуунмод хотод дунд сургууль, Улаанбаатар хотноо Хууль цаазын дунд сургууль төгссөн, Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонинд сурвалжлагч, Улсын мөрдөн байцаах газарт байцаагчаар ажиллаж байсан аж. Б.Сундуй хар багаасаа шүлэг яруу найраг сонирхож, тэр үеийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг шимтэн уншиж харьцангуй эрт өөрийгөө нээсэн яруу найрагч байж. Эдүгээ түүний нэрийн хуудас болоод байгаа “Нутаг” дууны шүлгийг тэрбээр арван наймтайдаа, аравдугаар ангийн сурагч байхдаа 1972 онд Зуунмод хотноо бичсэн байна. Эл дууг соёлын тэргүүний ажилтан дуучин Бямбажав

“Баянхаанай ууламнай

Бугайн урамдаанта нютаг

Анханай саhанаар яаранхай

Ахай абагайн нютаг

Урасхал дүлөөн Балжамнай

Улаалзай мойхоной орон

Уургай сайгаа аягаланхай

Уяхан ижийм нютаг

Агасайн дэлгэр таламнай

Адуу малай бэлшээритэй

Арадай дуугаа аяланхай

Аншан баабайн нютаг

Мараанай сэнхир хөндий

Мангир таанайн орон

Хаанаш ябахан намтаяа

Хамтадаа байдаг нютаг” буриад аялгаар дуулсан нь түмэн олноо дэлгэрэн түгэхийн хувь хутгийг олжээ. Тухайн үеийн уншигчид эл шүлгийг тэгтлээ шагшин магтаж сүйд болсонгүй. “Нутаг орноо санагалзсан иймэрхүү магтаалын шүлэг байдаг” гэх маягаар тоолгүй өнгөрсөн гэдэг. “Нутаг” шүлэг төрснөөс хойш хорь гаруй жилийн дараа төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг өвөрмөц атлаа буриад ардын дууны аяс намбыг санагдуулахаар сайхан аялгуу зохируулсан юм. Энэ тухай Ж.Саруулбуян анд нь “Сундуй маань их баяртай, муу найз нь хожим нутгийнхан дуулах ганц нэг дуутай үлдэх юм шиг байна. Хүүхэд үедээ зохиосон шүлгийг минь хүний зэрэгт Чинжиг маань хүргэлээ. Бид өнөөдөр дуугаа бичүүлчихлээ гэж радио дээр тааралдаад хөөрч билээ” гэж халуун дулаанаар өгүүлсэн.

Б.Сундуй анхны шүлгийн түүвэр “Балжийн зулзган монос”-оо “Нутаг” шүлгээсээ хойш арван жилийн дараа буюу 28 насандаа бэлтгэсэн боловч хоёр жил дамнан байж 30 насанд нь хэвлэгджээ. Хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар “Б.Сундуй хоёр дахь номоо “Гэгээн алс” гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм. Ном бол хүн. Ном бол сэтгэдэг амьтан. Тиймээс ном хүн шиг төрж, мандан бадарч, бас мартагдаж, дахин сэргэх зэргээр өөрийн хувь тавилантай байдаг юм. Тэр яруу найргийн чанарыг их эрхэмлэдэг, яруу найргийн соёлыг дээдэлдэг, яруу найргийн нийгмийн ухамсарт нэвчих чадамжийг биширдэг хүн байсан. Тиймээс тэр шүлгийг ширвэж бус шившиж бичдэг, халтуурдаж бус хайрлаж бичдэг, дуурайж бус дурлаж бичдэг, алдарших гэж бус ариусах гэж бичдэг яруу найргийн үнэнч эр цэрэг байсан юм” гэж дурслаа. Хөтлөгч Ш.Гүрбазар найрагчийн “Бичиж амжаагүй шүлэг” бүтээлийг уншиж, яруу найрагч Л.Мягмарсүрэн, Ж.Оюунцэцэг нар дурсамжаа хуваалцсан эл өдөр найрагчийн гэргий Цэнд-Аюуш, хорь гаруй насны охиныхоо хамт хүрэлцэн ирсэн байлаа.

Нутаг

Баян хааны уулс аа

Бугын урамдаат хөвч өө

Анхны цаснаар яарамтгай

Анчин аавын нутаг аа.

Урсгал дөлгөөн Балж аа

Улаалзай, мойлын өлгий

Уургийн цайгаа

аягаламтгай

Уяхан ээжийн нутаг аа.

Агацын цэлгэр тал аа

Адуу малаар дүүрэн ээ

Ардын дуугаа аяламтгай

Ах эгчийн нутаг аа

Марааны саруул хөндий

Мангир тааны орон оо

Хаана байсан ч надтай

Хамт явах нутаг аа.

Categories
мэдээ цаг-үе

Долгорын Цэнджав: Монголын их утга зохиолыг төр засаг маань дэмжээсэй

Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, профессор, зохиолч Долгорын Цэнджавтай уулзаж хөөрөлдлөө. МЗЭ-ийн болон Д.Нацагдорж, С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч Д.Цэнджав 2008 онд хүүрнэл зохиолын том төрөлд, 2010 онд “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадсан бил үү” эсээ номоороо хүүрнэл зохиолын богино төрөлд “Алтан өд” шагнал тус тус хүртжээ. Утгын чимэг богино өгүүллэгийн уралдаанд “Алтан жүн жор”, “Хоёрын даваа”, “Мэнгэ”, “Найрын дарга”, “Хулангийн цавчаал”, “Дээдэс өршөө”, “Оддын судар”, “Арслан” зэрэг өгүүллэгүүд нь шалгарч байв. Тэрээр “Чонын алтан шагай” роман, “Хул салхи”, “Асар тэнгэрийн дор”, “Хөх жавар”, “Буурал ижийнхээ хөлийг дулаацуулж чадлуу”, “Мянган цэн үг”, “Он цагийн шастир”, “Цагаагчин гахай жил”, “Цэвдэг жаран” зэрэг өгүүллэг, тууж, эсээ, роман, рубайн төрлөөр олон арван ном хэвлүүлжээ.


-Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдоод сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд ямар ажил амжуулав?

-Монголын зохиолчдын эвлэл гэдэг жинхэнэ оюуны соёлын, авьяас билэгтнүүдийн өлгий их том айл. Маш сайхан түүх, уламжлалтай газар. Монголын хамгийн шилдэг сэхээтнүүд зохиолчдын байгууллагын алтан хаалгаар орж гардаг. Надад энэ байгууллагыг тэргүүлэх олон нийтийн их итгэл, эрхэм хүндтэй хүнд ачаа оногдлоо. 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Монголын зохиолчдын байгууллага гал голомтоо тулсан. Монголын зохиолчдын байгууллагыг мянга есөн зуун хорь гучаад оны их том сэхээтнүүд эвлэлдэн нэгдэж байгуулсан түүхтэй. КУТВ хэмээн алдаршсан Дунгарын Чимэд, Сономбалжирын Буяннэмэх, Цэндийн Дамдинсүрэн, Ринчен нар үүсгэн байгуулсан байгууллагын ерэн жилийн ойг тэмдэглэнэ гэдэг том асуудал. Зөвхөн нэг өдөр баярлаж хөөрөөд өнгөрөхгүй бүтэн жилийн хугацаанд тоймтой ажил зохион байгуулна. Ойг тохиолдуулан төр засгийн болон бусад байгууллагатай ойртож ажиллах ёстой. Зохиолчдын нэр хүндийг өргөж, зохиолчид маань нийгэмд хүчтэй дуу хоолойгоо гаргах учиртай жилийг угтаж байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс томилогдлоо. Салбар комиссууд байгуулагдлаа. “Монголын их утга зохиол” үндэсний хөтөлбөрийг орчин үеийн нөхцөлтэй уялдуулан гаргалаа.

-Та хэдийгээр саяхан УЗ-ийн даргаар томилогдсон ч энэ байгууллагатай хувь заяагаа эртнээс холбосон биз?

-Монголын утга зохиолтой би хар багаасаа холбогдсон учраас сэтгэлийн их өртэй. Энэ байгууллагын төлөө зүтгэхээс өөр арга байхгүй. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 110 жилийн ойг Дорнод аймгийн Матад сумын Билүүт хэмээх газар сайхан тэмдэглэлээ. Завхан аймагт Баруун аймгуудын зохиолчдын салбар зөвлөлийн уулзалт зөвлөгөөнийг саяхан хийлээ. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Бадар хундага” яруу найргийн наадмыг зохион байгууллаа. Монголын утга зохиол бол “Монголын нууц товчоо”-ноос эхлээд бичгийн их суутнуудын уул овоо шиг их өвөөс эхтэй. Энэ их өв дотор хэрэгтэй, хэрэггүй зүйл байгаа л байх. Гэхдээ монгол эх хэлний, соёлын, түүхийн асар их баялаг байна. Монголын ухаантан мэргэдийн бүтээлийг олон түмэнд түгээхэд төрөөс харж үзэх хэрэгтэй байгаа юм. Төрийн гол бодлого бол их утга зохиолыг хөгжүүлэхэд орших ёстой. Тиймээс Монголын төртэй харилцах санаачилгыг бид гаргана. Төр их утга зохиолыг захдуу хаяад ирсэн байна. Үүнд Монголын зохиолчдын байгууллага, уран бүтээлчдийн нэр хүнд ч нөлөөлнө. Ерөнхий сайдын дэргэд Урлаг, соёлын зөвлөл гэж байгууллага байдаг юм билээ. Энэ байгууллагатай хамтраад ажиллая гэж бодож байгаа.

-Утга зохиолын ахмад, дунд, залуу гурван үеийн асуудал их чухал санагддаг даа?

-Гурван үеийг тэнцүү харах чухал. Надад аль нэг үеийг өмчлөх юм уу, арай илүү үзэх үзэл огт байхгүй. Аль нэг онол, аль нэг үеийг би илүү үзэхгүй. Эн тэнцүүхэн хөгжих ёстой. Миний гаргасан “Нүүдэлчний реализм” гэсэн онол байгаа. Нүүдэлчний реализм дээр тулгуурлаад нүүдэлчний модернизм ч бий болох ёстой. Тэгвэл Монголын утга зохиол дэлхийд танигдана. Гадаад харилцааны яамны соёл хариуцсан Х.Мандахцэцэг даргатай уулзлаа. Утга зохиолыг олон улсад таниулдаг орчуулагчдын уулзалт зөвлөгөөнийг хийе, Монголын утга зохиолыг орчуулдаг олон улсын эрдэмтэн мэргэдийн хурлыг Монгол Улсад зохион байгуулъя гэж тохиролцлоо. Гадаадын олон хэлнээс манайхан дур дураараа орчуулж байгаа. Монгол хэлэнд ямаршуухан байдалтай бууж байгаа хяналт байхгүй байна. Жинхэнэ орчуулга хийнэ гэдэг бол эх хэлээ төгс мэдэж байж орчуулдаг ажил. Орчуулга хийнэ гэдэг зохиолчоос илүү авьяастай байж орчуулахыг хэлдэг. Энэ гайхамшгийг үзүүлсэн хүн бол Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нар байсан. “Тарас Бульба” туужийг орчуулахдаа бараг л Гоголиос илүү бичсэн шүү дээ. Их гүүш Мишигийн Цэдэндорж гуай “Миний Дагестан”-ыг гайхалтай орчуулсан. Зарим хүн “Расул Гамзатовоос илүү сэтгэж орчуулсан” гэдэг шүү дээ. Тиймээс орчуулагчийн үүрэг маш их.

-Монголчууд номыг дээдэлдэг ард түмэн. Жаахан зөв залчихвал ч ном бүтээлийг цаашаа гэх хүн гарахгүй байх шүү?

-Сая есдүгээр сарын дундуур “Үндэсний номын баяр”-ыг Чингисийн талбай дээр өргөн дэлгэр хийлээ. БСШУЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл урлагийн газар, “Номын ертөнц” төрийн бус байгууллага, хэвлэлийн компаниуд, зохиолч, уран бүтээлчид хамтраад их сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Уран бүтээлчид шүлэг найргаа уншлаа. Ном бүтээлдээ гарын үсгээ зурлаа. Уншигч, зохиолчийн уулзалт боллоо. Төрийн засгийн толгой их утга зохиолын зүг хандмал байгаад би сэтгэл хангалуун байгаа. МЗЭ-ийн фондод түрүү зууны гуч дөчөөд оноос хадгалагдсан номын дээжийг авч үлдээд, 500-5000 төгрөгөөр хуучин ховор номын худалдаа явуулсан. Ардын уран зохиолч нартаа хүндэтгэл үзүүлэн, улаан хивсэн дээгүүр алхууллаа. Өнөөдөр Монголын эдийн засаг тааруухан л байгаа. Гэхдээ эрдэм номын сартваахиуддаа хүндэтгэл үзүүлнэ гэдэг сайхан. Дуурь бүжгийн эрдмийн театрынхан ч сайхан оролцлоо.

-Социалист реализмаар замнаж байсан Монголын утга зохиол ерээд оноос шинээр давалгаалсан гэлцдэг дээ?

-Монголын утга зохиол ерээд оноос хойш хаа явна, дэлхийн хаахна яваа юм бэ гэдэг талаар эрдэм шинжилгээний хурал хийхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна. Яруу найраг, хүүрнэл зохиол, жүжгийн зохиол, шүүмж судлал, орчуулга ерээд оноос хойш хэрхэн хөгжив гэдгийг тодруулсан аятайхан ажил болно байх. Утга зохиолын амьд уулзалтууд их хэрэгтэй байна. Дээр үед Ч.Лодойдамба, Б.Явуухулан, С.Эрдэнэ нарын аваргуудтай уулзахад уншигчдын танхим пиг дүүрэн байдаг байлаа. Зохиолч зохиолоо яаж бүтээсэн юм, санаагаа хэрхэн олсон, бичихэд ямар бэрхшээл тохиосон, зохиолч гэж ер нь хэн юм, зохиолч хүн нийгмийн ямар үүрэгтэй юм гээд олон зүйлийг уншигчид мэдэж авдаг байлаа. Уран бүтээл нийгэмд нөлөөлөөд, төр засагт зусардах нэг ёсны үзэл суртлын зэвсэг байх үүрэгтэй биш л дээ. Зохиолчийн ур чадвар л хамгийн чухал.

-БНХАУ болон Казахстан улс утга зохиолоо төрийн бодлогоор дэмжиж, зохиолчдыг зэрэг дэвээр хөхиүлэн дэмжиж, цалинжуулан, орон байраар ч хангадаг гэж сонсож байсан. Манайд харин уран бүтээлчдийг нэг л нүд үзүүрлэнгүй байх шиг санагдах юм?

-Хятадын зохиолчдын ахуй хангамж тодорхой зэрэг дэвтэй. Уран зохиол төр засгийн яах аргагүй том бодлого болох ёстой. Би бодитой нэг юм ярья. Биеийн тамир, спортыг улсаас яаж дэмжиж байгаа билээ. Ингэж дэмжсэний хүчинд манай тамирчид дэлхийн хэмжээний амжилтыг долоо хоног бүр гаргаж байна. Урлагийг дэмжсэнээр дэлхийн тавцанд дуурийн том дуучид гараад ирлээ. Харин утга зохиолын бодлого манай төрд байхгүйгээс өнөө хэдэн зохиолч, яруу найрагчид хар тавхайгаараа, хар зүтгэлээрээ сүүлийн хорь гучаад жил газрын хөрсөн дээр хэвтэж, дөрвөн мөчөөрөө тийчилж ядан байж их утга зохиолын түүх уламжлалыг нуруундаа үүрч явна. Манай зохиолчид бараг гудамжинд байж байгаад зохиол бүтээлээ хийж байна. Монголын зохиолчид маш ядуу зүдүү, мөнгөгүй. Ганц ном гаргалаа, тэрийг нь төр худалдаад авчихдаггүй. Тэр номоо зарсан ч юм байхгүй зохиолчид маань сайхан сэтгэлтэй хүмүүс учраас гарын үсэг зураад л өгч байна. Яах вэ, гадаад, дотоод менежмэнт сайтай тасархай хэдэн зохиолч байгаа. Тэдний амьдрал бол сайжирсан.

-Зохиолчдын дийлэнх нь “Авьяастай төрсөн нь тэдний буруу юм уу” гэмээр пүүс компанийн үүдийг сахисан гуйврын маягийн улс л байх юм байна шүү дээ, зайлуул.?

-Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэргэд утга зохиолыг дэмжих зөвлөл байдаг. Жил бүр зохиолчдод бүтээлд нь дүйхүйц шагнал урамшил олгодог. Ахмад зохиолчид нь тэтгэлэгтэй, бусад зохиолчид цалинтай. Тиймээс төр засгаас манай Зохиолчдын эвлэлд цалин өгч байх хэрэгтэй. Улсын төсөвтөө суулгаад ядаж нэг зуун сая төгрөг өгчихөд юу нь болохгүй байх билээ. Холливуд яагаад дэлхийд гарч ирсэн гэхээр АНУ-ын тэр үеийн засаг төрөөс “Америкийн кино дэлхийн нэг номерыг үеийн үед алдахгүйн төлөө” гэж зуун сая америк доллар гаргаж өгсөн гэж би урлаг судлаач хүнээс сонссон. Төр зуун сая доллар гаргаж өгөөд хариу нэхэлгүй огт мартсан гэсэн. Одоо Холливудын кинонуудын өмнө хэн гишгэж байна. Хэн ч гишгэхгүй байгаа биз дээ. Их соёлыг, их утга зохиолыг төрөөс ингэж дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Манай төр засгаас дэмжиж Нобелийн шагналт зохиолч, яруу найрагчийг төрүүлэх ёстой байхгүй юу. Төр нэг үе “Шатрын их мастер төрүүлнэ” гэж ярьдаг байсан. Хөөрхөн дэмжээд явсны хүчинд их мастерууд олон төрсөн шүү дээ. Түүнтэй ялгаа байхгүй утга зохиолыг дэмжих учиртай. Назарбаев дээр хөгжмийн зохиолч, зураачид ороод “Та уран бүтээлчид биднийг алаг үзэж гомдоож байна. Зохиолчдыг дэмждэг шигээ биднийг дэмжээч” гэхэд “Та нар амаа татаарай. Энэ зохиолч, яруу найрагчид чинь агуу их Казахстаны хэл, түүх, соёл иргэншлийг бичиглэж үлдээдэг хамгийн гайхамшигтай мэргэд байгаа юм. Тийм учраас та нар ямар ч учраас заамдалцаж заргалдах эрхгүй шүү” гээд хөөгөөд гаргасан байгаа юм. Энэ бол бодит жишээ. Унгарын Засгийн газраас Зохиолчдын хороондоо улсаас төсөв өгч байдаг. Улсаас энэ мэтчилэн төсөв өгчихдөггүй юм аа гэхэд номыг нь худалдаад авчихдаг бол хичнээн сайхан байхав.

-Бусад оронд зохиолч болсон бол гэж харамсмаар юм ч их л дуулдах юм даа?

-Японы “Өвсний үндэс” хөтөлбөр нэг хэсэг зохиолчдын бүтээлийг авч байсан. Гэтэл Монголын төр харийн хүмүүсээс л элэг татуу байгаа нь үнэн.

-Манай төр засгаас ч зураач, хөгжмийн зохиолчдын бүтээлийг улсын сан хөмрөгт худалдаж авдаг. Харин зохиол бүтээл худалдаж авлаа гэж ер сонсогдоогүй л юм байна?

-Урлаг, соёлын зөвлөл ч бил үү нэг байгууллага байдаг. Тэд зохиолчдыг л хаячихсан. Бид одоо дуу хоолойтой байх ёстой юм байна. Зохиолчид их ноомой ч явж ирж. Зохиолч нийгмийн үүрэггүй гээд буруу үзэл онол гаргачихсан. Зохиолч хүн яахаараа нийгмийн үүрэггүй байх билээ. Эх орон, газар шороо минь идэгдэж дуусч байгаа, байгаль нь улаан хуй болж байгаа, авлига хээл хахууль хэтэрчихсэн байгаа, төр засаг барьж байгаа түшмэдүүд нь хаан эрхтэй, түмэн олон нь харц дордсын байдалтай байгаа нь зохиолч хүнд яагаад хамаагүй байх ёстой гэж. Энэ бүхэнд Монголын зохиолчдын дуу хоолой байх ёстой. Энэ дуу хоолойг сэтгүүлчид эзлээд авчихсан учраас бидний дуу хоолой бүдгэрсэн байна. Тийм учраас эх орныхоо сайхан бүхнийг Монголын зохиолчид бид мандуулъя, хоёрын хооронд үхширсэн асар муухайг зайлуулахад дуу хоолойгоо өргөх ёстой юм байна. МЗЭ-ийн салбар зөвлөл АНУ, БНСУ, Европ, Францт байгаа. Утга зохиол гэдэг их сайхан сэтгэлийн зүйл байдаг юм. Их сайхан сэтгэлийн юм учраас хил хязгааргүй орон зай, цаг хугацааг эзэгнэн оршдог. Үндэстний тусгаар оршин тогтнол ч уран зохиолд хадгалагддаг.

-Улс орон ганц уул уурхайгаар хөгжихгүй, оюун ухаанаар хөгжинө гэцгээх мөртлөө л газар эхээ гасалтал ухаж төнхөх юм?

-Улс уул уурхайгаар, эдийн засгийн өсөлтөөр хөгжихгүй. Оюунлаг түүхээр, боловсрол, танин мэдэхүй, хүмүүжлээр хөгжинө. Хүмүүжил гэж ярьсан хүнийг хоцрогдсон үзэлтэн гэж яриад байдаг. Утга зохиол хүмүүнжихэд яах аргагүй нөлөөлнө. Ч.Лодойдамбын “Алтайд” роман гарснаас хойш манай геологичдын тоо өссөн гэдэг. Зохиолч Дармын Батбаяр гэхэд л тэр романыг уншаад шууд геологич мэргэжлийг сонгосон гэж байгаа. Утга зохиолын нөлөө бол хязгааргүй. Энэ асар их нөлөөг төр засаг минь ашиглаач. Би одоо төрийн гурван өндөрлөгтэй гурвуулантай нь уулзана. Утга зохиолыг төр засгаас дэмжээч гэж хэлнэ. Энэ бол зөвхөн Цэнджавыг дэмжиж буй асуудал огт биш. Миний халаасанд нэг төгрөг ч орохгүй. Үүнийг би баттай хэлнэ.

-Зохиолчдынхоо төлөө та морь, нохой мэт зүтгэх юм байна. Уран бүтээлээ харин амжуулж байна уу?

-“Цэвдэг жаран” романаасаа хойш үзэг огт барьсангүй. Хоёр гурван ч роман эхэлсэн. Зохиолчдын эвлэлийн ажил, Монгол Улсын их сургуулийн багшийн алба гээд зав зай хомс байх юм даа. Нэгэнт ийм сонгуульт ажилд томилогдсон болохоор нэг хэсэг үзэг барих асуудал түвэгтэй болох нь. Халхын голын ялалтын ойд зориулсан кино зохиол, их торгоны замын тухай дуурийн цомнол зэрэг бүтээлүүд маань бэв бэлэн байж л байна.