Categories
мэдээ цаг-үе

Г.Аюурзана: Тулхтай, голтой өвгөдөө буцах тоолонд эзгүй хээр гээгдчих шиг эвгүй оргих юм даа

Сүнсний томьёо романаа гаргаад удаагүй байгаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанатай хөөрөлдлөө.


-Сар шинэдээ сайхан шинэлэв үү. Цагаан сараар золгуут их хийв үү?

-Сайхан шинэллээ.

-Таны ээлжит бүтээл Сүнсний томьёо роман чинь саяхан хэвлэгдлээ. Сүнсийг хэрхэн томьёолов доо?

-Зохиолынхоо баатруудад л сүнс томьёолох ажил бодож олоод даалгачихлаа. Тэр Инжин гэдэг нөхөр учрыг нь олчих байх аа.

-Ер нь сүнс байдаг гэж та бодож байна уу?

-Эргэлздэггүй ээ.

-Сүнсний тухай асуухаар мэдээж хойт, урьд нас гэсэн асуудал гарч ирэх нь тодорхой?

-Намайг дөрөв, таван настайгаас л эмээ минь урьд насандаа хэн байсныг минь ярьдаг, тэр хүний сүнс надад ирж оршсон учрыг маш итгэлтэй тайлбарладаг байсан болохоор энэ бол миний анхны, магадгүй хэзээ ч арилшгүй итгэл үнэмшил юм.

-Таныг эмээ тань урьд насандаа хэн байсан гэж ярьдаг байсан нь сонин байна шүү?

-Эр нөхөр нь эмээд “Гал дээрээ эргэж төрнө өө” гэж хэлчихээд явсан юм гэсэн. Тэгээд л өвөөгийн сүнс надад шингэж төрсөн гэдэгт эмээ итгэдэг байсан.

-Романыг уншиж байхад их зохиолч Инжанааш, математикч амьдай нь, мөн шавь Инжингийнх нь амьдрал хувь тавилан гарч байна. Цаг хугацааны хаа нэгтээ болсон үйл явдал давтагддаг бол уу гэх ч сэтгэгдэл төрөхөөр…

-Юутай ч, ном нэгэнт хэвлэгдээд түгчихлээ. Одоо би тэнд бичигдсэн зүйлийг гар бичмэл байх үеийнх шиг нь хэзээ ч өөрийн дураар засч өөрчилж чадахгүй, энэ бүхэн миний мэдлээс эгнэгт гарчихсан гээд бодохоор харамсалтай ч юм шиг. Тэр утгаараа уншигчдад ямар сэтгэгдэл төрөх нь ч надад хамаагүй болсон.

-Романы баатрууд Хэтэрхий их мөрөөдсөнөөсөө болж л сүйрцгээдэг, Эрх чөлөө гэдэг бол хэзээ ч байхгүй болчихож мэдэхээр барьцгүй зүйл, Мөнгөгүй амьдарна гэдэг бол ганцаараа амьдарна гэсэн үг гэх мэтээр таны шүлгэнд баймаар үгсийг ой ухаандаа тунгааж байдаг. Та шүлгүүдээсээ хүүрнэлийн баатрууддаа аль хэр бэлэглэдэг бол?

-Шүлэг, яруу найргийн тухай, ерөөсөө уран зохиолын тухай миний ойлголт олонхынхоос их өөр л дөө. Тийм болохоор хүүрнэл үгээр бичигдэх ёстой учраас л тэдгээр үгс хүүрнэл зохиол дотор байгаа юм аа л гэж хэлье дээ. Ам нээснийх уушги нээ гэдэг ч яг үнэндээ өөрийнхөө ч бай, бусдын ч бай шүлгийн талаар ер нь яримааргүй юм билээ. Ялангуяа өнөөдөр, ялангуяа олон нийтийн хүрээнд.

Монгол хүн бүр л өөрийгөө уран зохиол мэддэг гэж боддог. Огт мэддэггүй нь ч гэсэн “Тэр бол сайн шүлэг. Тэр бол аугаа яруу найрагч. Түүний зохиолууд л сайн. Тэр муу үхсэн баас, юу юм бэ” гэх мэтээр ярьж явдаг. Тийм хүмүүсийн дунд жинхэнэ яруу найраг гэж юу болох тухай ч юм уу, хүн бүрийн цээжээр мэддэг зарим шүлэг зохиол үнэндээ хариу ч үгүй эд гэдгийг шууд хэлэх нь утгагүй хэрэг л дээ. Тэдний бахдал, бишрэлийг аялдан дагах нь ч хаашаа юм бэ, яршиг зүгээр чимээгүй л явж байх нь заримдаа хамаагүй дээр. Бүр цаана нь харьцуулах чадвартай, сайн бэлтгэгдсэн уншигчид чухам үнэнийг олж харж л яваа байлгүй дээ.

-Та ерээд онд Монголд гарын таван хуруунд багтах л яруу найрагч бий гээд бөөн асуудал босгож орхио биз дээ?

-Асуудал тарих ч үг байгаагүй юм аа. Хэн хэлэв гэдгээс л болсон байх. Ер нь ухаарал сэхээрэл гэдэг хүний сэтгэлийн орон зайнаас хамаардаг нь яалт ч үгүй үнэн. Жишээ нь, зохиогчид нь зэвүүцэж явдаг ч юм уу, зохиогчийнх нь талаар ямар нэгэн муу бодолтой уншигч яаж ч хичээгээд тэр номоос гагцхүү сөрөг сэтгэгдэл л олж аваад салахгүй. Ер нь амьдрал тийм шүү дээ. Амьдралд өшрөөд, хорсоод л байвал амьдрал чамд өршөөлгүй хатуу байх болно. Бүх зүйл бидний сэтгэлд хэрхэн тусч, бид сэтгэлдээ ямраар хүлээн авч байгаагаас л хамаардаг. Мэдээж, яагаад ч нэмэргүй хүмүүс байна л даа. Яаж ийгээд л бусдад гай тарьчих гээд, яаж ийгээд л бусдыг залилчих гээд, яаж ийгээд л бусдаас муу муухайг нь нэн тэргүүнд олооод харчихдаг, амьдрал нь ердөө л бусдыг үзэн ядах эцэс төгсгөлгүй дайн болчихсон хүмүүс байдаг. Уран зохиолыг ойлгох цэгнэх чадвар маань ч ялгаагүй, давын өмнө бидний дотоод сэтгэлээс хамаардаг. Сайхан зүйлийг олж харж чаддаг, зовлон ойлгодог, гуниглаж мэддэг, уудам сэтгэлтэй хүмүүс л хамгийн сайн уншигч байдаг.

-Зохиолчоос зохиолынх нь баатар бодит уу гэж асуух нь олонтаа. Инжанааш багш таны төрөлх нутаг Баянхонгорын тань Жаргалант суманд очоод бүгчихэж байгаа. Би МГУ төгссөн, Гурванбулагт багшилж байсан нэг гавал хүний тухай мэдэх юм. Тэр зохиолын чинь баатар биш биз?

-Биш ээ. Угаасаа ямар нэгэн бодот эх дүрээс сэдэл авсан ч зохиол биш.

-Таны бичсэнээр хүний хувь тавилан урьдаас өгөгдөлтэй, бас томьёотой бол яах бол?

-Нас явахын хэрээр надад тийм нэг фаталист үзэл суугаад байна. Тийм өгөгдөл, тийм томьёо бий л гэж боддог болсон.

-Фаталист үзэл гэхээр?

-Лермонтовын “Манай үеийн баатар”-ын төгсгөлийн бүлэг ийм нэртэй байдгийг санаж байна уу. Хувь тавилан цаанаасаа өгөгдөлтэйд итгэх үзэл юм даа.

-Ном чинь гараад бараг сар гаруй болчихлоо. Гүйлгээ аль хэр байна?

-Нэгдүгээр сарын 29-нд хэвлэгдэж гарсан. Ер нь миний ямар ч ном гарсан даруйдаа дажгүй гүйдэг. Гэхдээ энэ хэнд ч сонин биш байлгүй дээ.

-Та өөр ямар уран бүтээл туурвиж байна?

-Ойрдоо ч дэвтэй хийсэн юмгүй. “Сахиуст Хангайн нууц”, “Сүнсний томьёо” хоёрын дунд нь залгаас маягтай нэг роман байгаа. Түүнийгээ л явуулна даа.

-Бас нэг сайхан бүтээл гарах нь дээ. Юун тухай юм бол?

-Ятгачин ноёны амьдралын төгсгөл, за тэгээд энэ сүнсний томьёо олох даалгаврыг багшаасаа хүлээгээд хоцорч буй Инжингийн өвөөгийн амьдрал гарна.

-Өнгөрөгч нохой жилд хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст, Бавуугийн Лхагвасүрэн, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Баттөрийн Мягмаржав, Л.Ганзул нарын Монголын утга зохиолын сор болсон олон сайхан уран бүтээлч бурхан болсон нь цаанаа л нэг гунигтай. Тэдэнтэй аль хэр харьцаатай байв?

-Тийм ээ. “Уянгын тойрог”-ийг нь бахдаж өссөн нэг ах минь тэнгэрт хальчихлаа. Яг өөр рүүгээ татаад бодох юм бол, өмнөх үеийнхнээс минь одоо Д.Урианхай, Л.Дашням, Т.Галсан гээд хуруу дарам цөөн өвгөдөөр л намайг ойлгодог, сайн ойлгодоггүй ч байж магадгүй, гэхдээ л хайрладаг хүмүүс үнэндээ дуусч байна. Хүн өөрт нь хэрхэн хандаж байснаар л хүнийг үнэлж, зүрхэндээ авч үлддэг бололтой. Тиймээс уран зохиолын хүрээний аль л тулхтай, голтой өвгөдөө буцах тоолонд эзгүй хээр гээгдчих шиг эвгүй оргих юм даа. За, тэгээд үе тэнгийнхэн тэдэнтэй зэрэгцээд эхэлчихээр сэтгэл санаа яаж ч гуниггүй байх билээ. Чадах юм минь бичих л байна. Жагдалын Лхагваа ах, Лхагвасүрэн ах хоёрын нэгэн донжтой ярианы тухай, таван настайдаа эчнээ танилцсан Бааст гуайн тухай гэхчлэн бичил хөрөг мэр сэр бичсэн, миний хуудас дээр бий. Хүмүүс ч нэлээд уншсан байх.

-Ардын уран зохиолч Тангадын Галсан гуай таныг Монгол Улсын төрийн шагнал байтугай Нобелийн шагнал ч багадах уран бүтээлч гэж үнэлж байна лээ. Мэдээж таны авьяасаас гадна хөдөлмөрч, бүтээлч чанарыг өвгөн туурвилч олж харж дээ?

-Үгүй, одоо юу гэмээр ч юм бэ. Миний яг одоогийн, уншигчдынхаа дунд хүлээж яваа шиг ийм хэмжээний хүндлэлийг Монголд бол тийм ч олон зохиолч мэдрээгүй л байх. Ард нийтийг биш, уншдаг хүрээгээ л ярьж байгааг цаадуул чинь ойлгох байгаа. Тэр хүрээнд намайг онцгойлж хараад, тэр хүрээнээс гадуур болохоор дайсагнаад байгаа нь үргэлж мэдрэгддэг. Ийм зүйлийг мэдэрчихсэн хүнд ямар ч шагнал сонин биш шүү дээ.

Уншигчдын хүндлэлд баясаад биеэ тоочихгүйхэн шиг, аль болохуйц үг, үйлдлээ цэнэж, аль болохуйц эгэл даруу явахыг л юу юунаас илүү чухалчлах ёстой байх. Тэгээд ч зорьсондоо хүртэл хол байна. Мэдээж, хүний зорих, бүтээх хоёрын дунд зай завсар их бий. Гэхдээ л хэлбэрэлтгүй зорьж л явна.

-Таны зорьсон алсын харгуй чинь дардан байг ээ.


Categories
мэдээ цаг-үе

Их зохиолчийн тухай ихийг өгүүлэх “Жаргаагүй нар”

Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг саяхан Улсын драмын эрдмийн театрт тоглогдлоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын бичсэн эл жүжиг үзүүштэй, ухаан бодолд уярал ухаарлын гэгээ хайрлах бүтээл болж чаджээ. Богд хаант Монгол Улс, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн таван засаглалын үед аж төрж асан түүхэн их хүмүүн Д.Нацагдоржийн тухай өгүүлэх эл жүжиг нь зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж, бодол эргэцүүллийн уран бүтээл болсон байна. Хорвоод гучин нэгхэн насыг насалсан ч хязгааргүй их суу билэгт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлсэн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэхэд энэхүү жүжгийн гол агуулга оршжээ. Жүжгийн тайзны хувьд монгол гэрийн хэлбэртэй засал, шаттай давхарлиг асар буюу их найрагчийн Герман улсад сурч байсан үеийг харуулсан байдал, мөн хоёр давхар шоронгийн гунигт ахуйг харуулсан гурван ч тайз заслыг харуулжээ.

Жүжиг Нацагдорж зүүдэлж буйгаар эхэлнэ. Зүүдэндээ ээжтэйгээ уулзаж, Магад гарахуйн сэтгэл хэмээх өөрийнхөө зүүдний дүртэй учирна. Үүгээр хүний зөн билгийн ертөнцийг харуулжээ. Зүүднийх нь өргөөнд “Өнчин цагаан ботго” хэмээх гунигт дуу эгшиглэнэ. Зургаахан насандаа эхээс өнчирсөн найрагчийн сэтгэл зүйг найруулагч Ч.Түвшин чухам зүүдний байдлаар үзүүлсэн нь сонирхолтой төдийгүй жүжгийг цаашид хөтлөх гол шугам болж өгчээ. Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр амилуулж, их зохиолчийг өнөөгийн үзэгчидтэй уулзуулав. Дорнын их боловсрол эзэмшсэн Хүрээний сайхан бүсгүй Пагмадуламд жүжигчин Н.Баярмаа тоглосон. Ээжээсээ өнчирснөө хар даран зүүдлэх Нацагдоржийн сэрэлт бол тухайн цөвүүн цаг үедээ эмзэглэсэн их хүний эмгэнэл байв. Германд сурахаар явахын урьд соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн (соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр) тэднийд ирж монгол төрийн төлөө зүтгэх учиртайг нь хэлэхэд Нацагдорж эрдэм номд шамдах чухал буйгаа дурдан хундагатай архи өргөн барина. Цэвээн түүнээс үл амсах агаад Нацагдорж “Сархад хийхээр сайхан хүүхэн мишээдэг хундага байгаа юм” гэж хэлнэ. Энэ үг ч зохиолч Гүрбазарын зүгээр нэг урсгачихсан үг биш юм. Хожим цаг үедээ гутран бор дарсанд орсон үеэ их зохиолч ч

“Сайхан хүүхэнд тоогдох

Саруул зүсийг минь гутаав

Сайдын зэрэгт хүрэх

Сайн нэрийг минь муутгав” гэж сархдын тухай бичиглэн үлдээсэнтэй дээрх үг утга холбогдох нь дамжиггүй. “Төр өөртэйгөө орооцолдсон хүнийг нэг бол мөлхүүлдэг, нэг бол цовдолдог” гэсэн үг өнөөгийн улстөрчдөд ч холбогдох нь тодорхой. “Жаргаагүй нар”-д гарах А.Чингүний бүтээсэн Намдагийн дүр их өвөрмөц тодорхой болсон нь сайшаалтай.

Нацагдоржийн орос эхнэр Нина Шестоковад жүжигчин Б.Одгэрэл ч сайхан тоглолоо. Сайхан тоглох гэдгийн цаана жинхэнэ амьд дүр бүтээлээ гэж байгаа хэрэг л дээ. Жүжиг доторх жүжиг гэмээр хэсэг бий. Энэ бол их зохиолчийн бичсэн “Үйлийн гурван толгой” дуулалт жүжгийн хэсгүүд. Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нараа их зохиолч шоронд хоригдож байхдаа санаандаа ургуулан гэргий Нинагийнхаа эргэлтээр ирэхдээ авчирч өгсөн орос чихрийн цаасан дээр бичиглэж байна. Энэ жүжгийг сэтгэлийн долгисолд оруулж буй гол идээ нь их зохиолчийн шүлэг зохиолууд юм. Нацагдоржийн сэтгэл зүйг чухам л бүтээлүүдтэй нь холбож өгснөөр тухайн үеийн амьд Нацагдоржийг зуун жилийн дараах үзэгчдэд таниулж чадаж байгаа юм. Түүний шоронгийн шүлгүүд гэхэд бүгд хувийнх нь аж төрөл, сэтгэлийн байдал, гуниг гутрал, төр засагтаа үнэнчээ илтгэсэн нууцхан шаналлын бичээсүүд байсан билээ. “Та нар, надаас хэргим зэргийг минь булааж болно, газар шороог минь л харин хэзээ ч булааж чадахгүй” гэдэг үгийг их зохиолч хятад ший яанзны гуанзанд луухаан өвгөн, орос хувцастай байцаагч нарт хэлж “Миний нутаг”-аа уншиж буй нь ямархан эх оронч зүрх цээжинд нь цохилж байсныг гаргасан тодхон жишээ болжээ.

Жүжгийн хөгжмийн зохиолчоор ажилласан урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хүний сэтгэлийн мэлмийг чийгтүүлэх уянгалаг аялгуугаар чимсэн нь сонссон хэнд ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэх биз. Хөгжмийн найруулгад “Цэнхэрлэн харагдана”, “Гоолингоо” дууны ард түмний дунд дуулагдаж асан эртний хэлбэрийнх нь дуулалт чимэг болсон нь лавтай. Жүжгийн туслах дүрүүдийн хувьд байцаагчид Г.Алтангэрэл, Хүн-Зөнд А.Очирбат, Галинад Г.Номуун, Цагдоржид Б.Золжаргал, харгалзагчид Р.Адьяабаатар, Борчулуунд Б.Золзаяа, Лэгцэгдоржид О.Итгэл, Содовт Ц.Төгсбилэгт, Үжийжаад Ц.Жаргалсайхан, Юндэнд Г.Ганбат, Нансалмаад Ц.Аззаяа, Хоролмаад Б.Одончимэг, Людмилад Д.Асардарь нар тоглож дүрүүдийг үнэмшилтэй амилуулсан Монголын драмын урлагт хүч түрэн орж ирж буй залуу авьяастнуудын нэгэн үе бойжсоныг харуулж байлаа. Жүжгийн зураачаар ажилласан М.Баярмагнайгийн хувьд гучаад оны үед өмсөж байсан хувцас хунарыг ч гаргууд судалсныг харуулсан уран бүтээл болжээ. Их зохиолчийн цаг үетэйгээ хийсэн сэтгэлийн их зөрчил эл жүжгийн гол өгүүлэмж болсныг дурдахгүй өнгөрвөл алдас болно.

Пагмадулам өөрийн язгууртан гарлаас болж хань нөхөр нь ахин дахин байцаагдаж хоригдох болсонд гутран хятад хороололд орогнож хар тамхинд орох болсон гунигт түүх ч энд багтаж. Нацагдорж харь үзэлтэн гэгдэж хяхагдаж хавчигдахын эрхэнд сэтгэл санаагаа засах гэж сархад хүртэн байх үед эр нөхөртөө хөөгдсөн Нина түүнтэй дотносон орчлонд ганц охиныг нь төрүүлсэн ч эрх мэдэлтнүүдийн явуулгаар нутаг буцсан нь их зохиолчид сэтгэлийн ямархан аймшигтай цохилт болсныг жүжигт өр өвдөм дүрслэн үзүүлжээ. Нацагдорж “Ананда Шри гэдэг чинь Аз жаргалын увдис гэсэн санскрит үг. Охин минь миний аз жаргалын увдис” хэмээн өөртөө өгүүлж, жүжгийн эхэнд Магад гарахуйн сэтгэл хэмээх өөрийнхөө дүртэй учирснаар жүжиг төгсөж буй нь цаанаа учиртай юм. Тэрээр магад гарахуйн сэтгэлээр аз жаргалын увдисыг хайсан эрэлчин байсан ч аж төрж байсан цаг үедээ үл тоогдон эмгэнэлтэйгээр орчлон сэлгэснийг “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжигт харуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Урлагт үнэнч амьдарсан стандарт бус сэтгэлгээтэй найруулагч

Түүнийг “Монголын театрын Брехт” гэх нь ч бий. Дэлхийн жүжгийн урлагт хувьсгал хийсэн хүнтэй эгнэх сэтгэлгээтэн гэсэн утгыг энэ үнэлэлт илэрхийлнэ. Баярцагааны гэж овгоор нь дуудахаасаа илүү мэргэжлээр нь найруулагч Баатар гэхээр урлагийн ертөнцийнхөн андахгүй. Түүнийг амьд ахуйд сайхан хөөрөлдөх сөн гэж их хорхойсовч бэргэж явсаар уулзаж амжаагүйдээ харамсана. Нэгэнтээ Улсын драмын эрдмийн театрын захирал Цэрэнсамбуу ахтай хөөрөлдөхөөр очоод байхад утсаар ярьж байснаа гэнэт “Баатар найруулагч хэцүүдчихжээ” гэж ум хумгүй гарч, ардын жүжигчин Н.Сувдыг дагуулан эмнэлэг рүү зугтах мэт одсон сон. Монголын тайз, дэлгэцийн урлагт жинхэнэ хувьсгал хийсэн тэр их сэтгэгчийг хийж бүтээх идэрхэн насандаа тэнгэрт одохын чинээ хэн санах билээ дээ. Тэр эдүгээ эсэн мэнд сэн бол энэ сарын 29-нд жаран насны босго алхах байв. Хорвоод мэндэлсэн өдрийг нь “Баатар найруулагч сан”, УДЭТ-тай хамтран “Урлагт үнэн амьдар” хэмээх хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Эрдмийн театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу “Театрыг ариун сүм гэж үзвэл эл сүмийн тэргүүн хамбатнууд нь найруулагчид юм. Монголын театрын урлаг ер шахам жил хөгжихдөө Д.Намдаг, Э.Оюун, Л.Ванган, Гэндэн, Галсанжав, Хо.Нацагдорж, Б.Мөнхдорж, Доржсамбуу нарын их хамбуудын удирдлага дор өдий зэрэгтэй болжээ. Энэ үдэш та биднийг Баатар найруулагч уулзуулж байна. Театрын хамт олон нь Баатар найруулагчаа дурсаж байна. Бас Баатар найруулагчаараа дутаж байна” гэж нэрт найруулагчийн ээж, эдүгээ ная гаруй настай Дулмаа гуайд цэцэг гардуулснаар хүндэтгэлийн ёслолыг нээв.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Баярцагааны Баатар 1959 онд Улаанбаатар хотод төрсөн айлын ууган хүү ажээ. Тэр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагчаар ажиллаж байгаад 1979 онд Украйн улсын Киев хотын И.К.Карпенко-Карыйн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн суралцаж 1984 онд драмын найруулагч мэргэжлээр төгсөж ирэн 1985-1999 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, Монголын үндэсний телевизийн программын зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар иржээ. Баатар найруулагчийг стандарт бус сэтгэлгээтэй хэмээдэг нь тайзнаа түүний тавьсан сонгодог болон үндэсний жүжгүүдэд нийгэм цаг үеэ гэсэн уран бүтээлчийн эмзэглэл, ертөнцийг үзэх үзэл нэвт шингэсэн байдагтай холбоотой. Б.Баатар театрын тайзнаа В.Ёжовын “Гургалдайн дуут шөнө”, Э.Оюуны “Гарваа”, А.Дударевын “Босго”, “Цэргүүд”, Ш.Гүрбазарын “Сэрүүн зүүд”, Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно”, Б.Лхагвасүрэн “Хүйтэн сэнтий”, “Атга нөж”, Д.Урианхайн “Хүн бүгд би”, “Харанхуйд юу ч харагдахгүй 2-1=0”, Д.Мэндсайхан “Ээж ээ”, “Мануухай”, “Худалч эгч”, Ц.Хулангийн “Монгол ардын суут”, А.П.Чеховын “Цахлай”, В.Н.Гоголийн “Амьгүй албат”, М.Сервантесын “Кихот ноён”, Лев Толстойн “Адууны түүх” зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүд, “Маш нууц”, “Бид ингэж ялав”, “Рин авгай ба аюул”, “Шөнийн сүүдэр” зэрэг 20 гаруй радио жүжиг, “Хүннү”, “Шагай” зэрэг теле жүжиг, “Икар”, “Соёо”, “Хүйтэн цуст”, “19”, “Тэнгэрийн андгай” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ ард түмэн үзэгч олны мэлмийг баясгаж, сонорыг мялааж ирсэн авьяас төгөлдөр уран бүтээлч байсан юм. Түүний найруулсан Мигель Сервантасын “Кихот ноён” жүжгийн хэсгээс гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нар толилуулав.

Оюутан ахуйдаа нэгэн өрөөнд амьдарсан соёлын тэргүүний ажилтан, найруулагч Н.Болд “Дөрөв, тавдугаар жаахан пеонерүүд байхдаа нам засгийн илэрхийлэлтийг Төрийн ордны индрээс уншиж байсан тэр мөч саяхан мэт санагдана. Киевийн Театр урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид таван жил хамт сурч, оюутны байранд шарсан төмсөө хувааж идэж байсан минь ч саяхан мэт бодогдоно. Драмын театрт Баатартайгаа дөрвөн жил хамт ажилласан минь ч саяхан л мэт байна. С.Жаргалсайханы “Тэмүжин” жүжгийг хамт найруулж явлаа. Л.Толстойн “Адууны түүх” жүжгийг тавихад түшмэлийн эрх мэдлээ ашиглаж санхүүг нь зуун хувь хийж чадсандаа баяртай байна. Би зүгээр ч нэг “Цаг хугацаа салхи мэт хийсэн оддог оо” гэж яриагүй. Монголын эртний яруу найрагт “Нэгэн үзүүрт сэтгэлээр чулуун хэрмийг ч цоолно. Нэгэнт өнгөрсөн андаа санахад хүрэл зүрх ч хайлна” гэж гайхалтай сайхан хэлсэн байдаг. Өнөөдөр бидний зүрх хайлж байна. Яагаад гэвэл Баатарыгаа дурсан санаж байна. Хүний амьдралд дурсамж шиг сайхан юм үлддэггүй юм байна. Би юу хэлэх сэн билээ, Баатар минь чамд төрсөн өдрийн мэнд хүргэе” гэхэд уяхан үзэгчдийн нүдэнд уярлын сувд гялалзан байв. Соёлын тэргүүний ажилтан М.Түвшинхүү “Намайг хоёр мянгаад оны эхээр дуудан “Хөөе, өндөр өө, чам шиг ийм анатомийн гажиг-дээрэмчин манай театрт хэрэгтэй байна” гэснээр “Кармен” жүжгийн гол дүрд тоглосон. Хамгийн сүүлчийн жүжигт нь ч тоглосон. Найруулагч аа, анатомийн гажиг нь байна аа. Та нэр шигээ миний Баатар, үхэн үхтэл минь миний зүг чиг байх болно” гэж тэнгэрт буй найруулагчийнхаа хүмүүний сэтгэлийг хөвсөлзүүлж явсан алтан тайзан дээр нь баглаа цэцэг өргөлөө.

Нэрт найруулагч Б.Баатарын шавь нар

Баатар найруулагчийг жүжигчдийг төрүүлдэг гэж уран бүтээлч шавь нар нь ихэд сүслэн дээдэлдэг аж. Дурсамжийн завсарт түүний найруулсан “Ану хатан”, “Ээж ээ” жүжгүүдийн хэсгээс соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал, ардын жүжигчин С.Сарантуяа нар амилуулав. Дэлхийн урлаг соёлын академийн байнгын хорооны гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Урианхай их андынхаа тухай “Баатар надад хааяа гайхшрах сэтгэл төрүүлдэг байсан. Баатар их муухай ааштай ш дээ, та нар мэдэж байгаа байх. Уран бүтээлчдээ их хатуу. Монголчууд ааш муутай хүнд дургүй шүү дээ. Муу хэлдэг. Тэгэхэд Баатарт улсууд их сайн байгаад байдагт би гайхна. Зохиолчид, театрын урлагийнхан түүнийг хайрлаад байдаг. Яагаад хайрлаад байдаг юм бол доо гээд бодоод үзэхээр худлаа хэлдэггүй байсан. Дандаа үнэн юм яриад байсан учраас хайрлаад байсан юм бол уу даа гэсэн шалтгааныг би сүүлд бодож олоод байгаа юм. Надтай анх уулзаад “Хоёулаа хэдэн жил хамтарч ажиллая. Зарчмаа тохироё” гэсэн. Би зарчим марчим гэж юу байдаг юм бол доо гэж гайхлаа. “Би тодорхой хэлье, та бид хоёр их урлагаар нөхөрлөнө шүү. Их урлагт алдаа байж болно. Их урлаг тушенка байж болохгүй шүү” гэсэн. Ийм зарчмаар өвгөн, залуу хоёр хүн нөхөрлөсөн. Хамтарч хэдэн жүжиг тавьсан. Энэ жүжгүүд их аюултай мөнгө олдоггүй шүү дээ. Баатар намайг заримдаа “Хулгайч” гэнэ, “дурак аа” гэнэ л дээ. Их дотносч байгаа нь тэр л дээ. “Таны жүжгүүд надад сэтгэлгээний их орон зай хайрладаг. Амархан бичигдсэн жүжгүүд уран бүтээлчийн жаргал эдлүүлдэггүй юм аа, дурак аа. Жүжиг тайзан дээр тавьдаг, уншдаг гэж хоёр янз байдаг. Их урлаг тушёнка биш” гэж надад хэлдэг байсан. Баатарын Монголын театрын урлагт үлдээсэн мөр мөнх орших болтугай” гэж дурссан юм.

Стандарт бус сэтгэлгээтэй билэг танхай найруулагч Б.Баатар агсны найруулсан “Эхнэрээ зээлээч”, “Амьгүй албат”, “Эдит Пиаф”, “Атга нөж”, “Монгол ардын суут”, “Цахлай”, “Эзоп”, “Адууны түүх” жүжгийн хэсгүүдэд ардын жүжигчин Г.Равдан, Г.Мягмарнаран, төрийн соёрхолт Д.Сосорбарам, соёлын тэргүүний ажилтан Дорждагва, С.Болд-Эрдэнэ, Ж.Пүрэвдорж болон УДЭТ-ын үе үеийн жүжигчид тоглолоо. “Цахлай” жүжигт тоглосон ардын жүжигчин Н.Сувд, гавьяат жүжигчин Уранчимэг, жүжигчин Ц.Баясгалан нарын эмэгтэй жүжигчид үг хэлэх бүртээ нулимс унагаж, хоолой зангируулж байсан нь найруулагчаа хайрласан сэтгэлийнх нь илрэл байсан бол уу. “Баатар найруулагч сан”-гийн тэргүүн, найруулагч Баатарын хүү, аавынхаа мэргэжлийг өвлөхөөр суралцаж буй Энхжинг “Аав минь цөөхөн хэд наслахдаа тамга атгасан юм шиг гайхамшигтай бардам амьдарсан” гэж нулимс унагахад тайзнаа гарч ирсэн уран бүтээлчид бүгд мэгшин уйлцгааж байсан нь Монголын тайз дэлгэцийн ямархан их авьяас билэгт хүмүүнээ алдсаны гашуудал, түүний их оюуны өмнө мэхийсэн баярыг хослуулсан мэлмэрээ байв. “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүрийг бүтээсэн гавьяат жүжигчин Д.Сосорбарам Зүчи хүүгээ алдсан их хаан мэт царай нь барайн зангиран байсан нь их андаа хэчнээн их үгүйлэн санагалзсаны илрэл байлаа. Тэрэн шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн бусдын нүднээс далд яаж шаналан гунихыг гадарлаж болохоор байсан. Баярцагааны Баатар найруулагч театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Гэгээн муза” наадмын шилдэг найруулагчийн шагналыг таван удаа хүртэж БСШУЯ-ны “Мөнгөн мод-2014” оны шилдэг уран бүтээлч, 1996 онд “Хүннү” бүтээлээр “Гоо марал” шагнал, 1989 онд “Сэрүүн зүүд” жүжгээрээ Драмын шилдэг найруулагч, 2014 онд “Би Эдит Пиаф байна” нэг хүний жүжгээр Косова улсад зохион байгуулагдсан моно жүжгийн фестивалиас Гран-При шагнал, Япон улсад 1992 онд зохиогдсон Олон улсын радио жүжгийн наадмын Гран-При шагналыг тус тус хүртсэн агуу уран бүтээлч байлаа. Түүний цээж баримлыг хүндэтгэл ёслолын үеэр гаргасан үзэсгэлэнгийн үеэр үзэгч олонд толилуулсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Аз жаргалын гэрэлтэй сар шинийн баяр минь

“ХҮРЭН МОРЬ”-НЫ ЛХАМСҮРЭН НАЙРАГЧТАЙ ЭНДҮҮРЭГДСЭН МИНЬ

Хоёр мянга арван нэгэн оны Цагаан сарын битүүний өдрийн үдээс хойш утас дуугарахаар нь авбал “Соёлын гавьяат зүтгэлтэн нэвтрүүлэгч Батбаяр ах нь байна. Миний дүү маргааш бүтэн цаг Сар шинийн талаар сайхан хөөрөлдөөч” гэж байна. Өглөө нь “Өлзий” телевизээр цаг юу ярьснаа мэдэхийн зуургүй өнгөрөв. Шинийн нэгний өглөө шууд бичлэгт орчихоод Зурагтын дэнжээс Гуравдугаар хороолол дахь Галсан багшийндаа золгуут хийхээр очлоо. Ухаантай хүн болохоор багш улиран буй онд хэдэн ном хэвлүүлсэн, ямархан амжилттай үдсэн, хэчнээн улс орон, аймаг, суманд очсоноо нэг ёсны тайлан маягтай, гэхдээ ардын алт шиг сайхан хэлээр хүүрнэдэг болохоор сонсоход урамтай нь сайхан даа. Ууц таллан, бууз жигнэх зуур Монголын үндэсний телевизээр яруу найрагчдын Сонгинын буланд очин зураг авахуулсан нэвтрүүлэг гарч байна. Тэр нэвтрүүлэгт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир нарын олон найрагч оролцсон юм. Дэлгэцнээ миний шүлгээ уншиж байгаа дүрс гараад ирлээ. Багш ч харж л суув. Тэгсэн нэрийг маань ёстой нэг тэс хөндлөн бичсэн нь харагдлаа даа. “Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн” гэж байгаа юм. Багшаас ичсэн ч гэж юу гэх вэ. Дэмий л ногооны холимог сэлт идсэн болж суув. Багш бахал нахлаа оролдон, товчин нүдээ онийлгосхийн жуумалзаж байна. Найруулагч бүсгүй зураг авалтын үеэр чухам л нэг “МЗЭ-ийн Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт” гэж нэр ус асуугаад тэмдэглэлийн дэвтэртээ их л хичээнгүй бичиж аваад байсан хүн чинь агаарын долгионоор цацахдаа алдаатай илгээжээ. Миний самгардан бажгадахыг анзаарсан Га багш “Цагаан сарын бэлгэтэй сайхан өдөр Хонгор нутгийнхаа тэнгэр болсон алдарт найрагчийн нэрээр цоллуулна гэдэг цаанаасаа л бүрдсэн ерөөл дэмбэрэл дээ хө. Алив нэг рашаан өргөчих” гэж алтан аяга мэлтэгнүүлэн сархад барьж байна. Бэлгээ өвөртөлчихөөд багшийнхаас гараад явж байтал утга уянгын их хүүрнэлч Баастын Золбаяр анд утасдаж байна. Утсаа авбал мань эр харилцуурын цаана нуг нуг инээж “Лхамсүрэн гуай та, амархан сайн шинэлж байна уу” гэдэг юм. Тэр жилийн цагаан сараар ингэж би нэгэнтээ “Хүрэн морь” найраглал, “Маамуу нааш ир”, “Ган зам” зэрэг алдарт дуунуудыг зохиосон төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн гуайнхаа овог нэрээр гангарсан удаатай.

БУУРАЙ ААВЫГАА ДАГАЖ АЙЛ ХЭСЭХ САЙХАН САН

Хүүхэд ахуй насандаа Цагаан сараар буурай аавыгаа даган айл хэсэх дуртай сан. Сумын бага эмч учраас нэр хүнд сайтай. Зарим айлын хүүхдүүд өвөөг маань “Авсийж” гэж дуудна. Хүүхэд болохоор тэр үгийг нь ойлгохгүй. Тэгэхнээ “Эх барьж авсан ээж” гэж авгайлан дуудаж байсан нь тэр юм билээ л дээ. Өвөө банш бууз гэхээс илүүтэй настангуудтай хууч хөөрч, үйсэн бөглөөтөөс хийсэн хундагатайг хүндэтгэлтэйгээр сэржимдэнэ. Жаахан халаад ирэхээрээ “Хүрэн толгойн сүүдэр ээ…” гэж цангинуулна. Унаган нутаг нь Говь-Алтайн Цээлийн хүн сэн, миний буурай аав. Хожим Монгол Улсын хүний гавьяат эмч болсон сумын хүн эмнэлгийн их эмч Доржийн Шаравнямбуу гуайнд цагаан сараар орно гэдэг бол сумын хүүхдүүдийн мөрөөдөл. Эмчийн гэргий Оюунтогтох эгчээс гоё бэлэг авах гэж тэр. Наяад онд юм ховор үед тэднийх л хүүхэд бидний “Цагаан бохь” гэж нэрийдсэн тэр үнэт эрдэнийг бэлэглэдэг байж. Сумандаа хүндтэй буурай аавыгаа дагаж яваа болохоор айлууд ач хүүд нь аль л ховор нандин бэлгээ өгөхийг чармайна. Мягмар даргын гэргий Бор гуайн өгсөн атгын чинээ том улаан алимыг гэхэд би олон хоног хадгалж, эгчдээ хөөрлөж байснаа мартдаггүй юм. Тэр үед бэлгэнд арван хоёр мөнгөний дэвтэр, жаран мөнгөний печень, арван нэгэн төгрөг хорин мөнгөний үнэтэй “Оргил”, “Нислэг”, “Бөмбөлөг” чихэр, ёотон, ширхэг харандаа зонхилон өгдөг байлаа. Атга чихэр дотроос “Хавар”, “Унага”, “Сарлаг” “Алтан шагай” зэрэг хорин дөрвийн чихрүүд хоттой хонин дунд орсон бод мал шиг содон соньхон харагддаг сан. Бэлгийн чихрээ цагаан сарын өмнөөс буурай ээжийн бэлдэж өгсөн цууямбуу уутанд амыг нь чанга уяж хадгална. Хаврын уртад өдөрт арван чихрийн норм тогтоочихоод торжигнуулж гарна даа. Буурай аав маань цагаан сарын бэлтгэл болгон тавгийн болон боодлын боов хайрах, бууз банш чимхэх, ууц өвчүү чанах гээд бүгдийг өөрийн гараар хийж байж санаа нь амардаг тун ч нямбай хүн сэн. Боовны хаан гэж мушгирсан амьд могой шиг гурилан могойг жигтэйхэн гоё хийж шүдэнзний модоор шорлон тогтоож чанасныхаа дараа аргалын пин дээр тавьчихна. Тэр гурилан могойг шувуу ч тоож тоншдоггүй байсан юм уу бараг бүтэн жил тэндээ борлож харласан юм хэвтэж байдаг сан. Буузныхаа махыг зөөллөж байгаа нь гэж байцаа жижиг хэрчиж хийгээд давсалж амтлан том тогоонд өнгийг нь борлуулна. Бодоход борлуулсан махтай банш жигнэхэд түргэн болдог байсан бол уу. Битүүний орой таван үе боов өрж тавгаа засахдаа араажаваа чинээнд тултал чангалан бөх сонсож, буурай ээж хуушуур хайран, би битүүлэг зөөж айлууд руу гүйнэ. Битүүний шөнө гэр орны ажлаа эмхэлсээр хэдий оройтох боловч “Шинийн нэгний өглөө хурдан болоосой” гэхээс нойр үл хүрнэ. Нэг л мэдэхэд нам унтаад “Миний хүү босоорой, шинийн нэгний нар мандлаа шүү” гэх дуунаар сэрэх ай мөн ч сайхан шүү. Шинэхэн дээл хувцсаа өмсөөд гарахад тотгон дээрх гурван мөс нарны гэрэлт түмэн өнгөөр алмаас эрдэнэ шиг солонгорон гялалзаад аз жаргалын гэгээ түгээн байх шиг яруухан санагддаг сан.

ЭЭЖТЭЙГЭЭ ҮЗСЭН ЦАГААН САР

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ээжтэйгээ үзсэн наадам” гэж жигтэйхэн сайхан шүлэг байдаг. “Чихэр, нар хоёрт бялуурсан наадам” гээд л урсаж өгдөг. Тэрэн шиг ээжтэйгээ хоёулхнаа амир жимэрхэн шинэлсэн тэр жилийн Цагаан сар сүүлчийнх болохоор ч тэр үү санаанаас үл гарна. Энэ бол 2013 оны цагаан сар. Өвөрхангайн Арвайхээр хотод болсон “Болор цом” наадамд шүлгээ дуудчихаад, Баянхонгорынхоо Заг-Байдрагийн Хүрэн бэлчир, Үнхэлцгийн бууцанд өвөлжиж буй ээжийгээ зорьсон сон. Намайг очуут дүү маань гэргий хүүхдүүдтэйгээ сумын төвд шинэлэхээр явлаа. Ээж бид хоёр отрын жижигхэн гэрт. Би хоёр гурав хоног хонь хариуллаа. Өмнөх жил нь хонь хариулаад нар, салхинд овоо харшсан болохоор ээж хаширлаж, өглөө хонинд явахад булбарай зөөлөн гараараа нүүрэнд минь нарны тос түрхэж өгнө. Битүүний өглөө ээжийн жигнэж өгсөн буузыг амтархан идээд хонио дагаад гарахад ээж “Дурангаа авсан уу, миний хүү” гэж байна. Хот газар хориод жил болж, ном шагайж, цахим ширтсэн ч хараа маань харин тэгтлээ муудаагүй болохоор дурангийн хэрэг надад үгүй л дээ. Цастай хөндийд хоёр тийшээ шогшин сүүлээрээ тоглож яваа үнэг нохойн дуугаар зогтусах, хонь ямааны түрүүчээр хадны араар мануул нуугдах, алсад цэнхэртэх униар дунд адуу мал багшрахыг цасан далай дундаас алдалгүй харж эх нутгийнхаа сайханд биширч явдаг надад дүүгийн хоёр нүдний дуран ачааны л нэмэр болохоос хэтрэхгүй. Гэвч, ээжийнхээ сэтгэлийг бодож суран оосрыг бүслээд гарна. Ханхар сайхан тагуудтай өндөр уулсынхаа оргил дээр гараад хариулж яваа хонь малаа харсан шигээ, өвөртөлж гарсан номоо уншин суух шиг амар амгалангийн диваажинг энэхэн насандаа би үзээгүй. Маргааш цагаан сар болно гэхээс хүүхэд шиг догдлох сэтгэлд эзэмдүүлнэ. Ээж минь хотоо цэвэрлэчихээд гэртээ орно. Жаахан байзнаснаа гарч ирэн араг үүрэн цасанд явах нь тодхон харагдана. Цасаа авчирч гэрийнхээ хаяанд буулгачихаад тогоогоо аван гэртээ орно. Удалгүй яндангаас аргалын цэнхэр утаа суунаглаж сэтгэлд нэг л дулаахан оргино. Ээж минь гарч ирэн нэг том цас тэврэн орно. Цайгаа чанах гэж байгаа нь тэр. Нар дээшлэн их үд болоход цагаан өвс даган гүйлдсэн хонь ямаад энгэр газар ээвэрлэн тогтоод налайж эхэлнэ. Цайгаа чанаж дууссан бололтой гартаа наранд цайвалзсан цагаан юм барьсан ээж минь цэнхэр алчууртайгаа гарч ирнэ. Наранд цайвалзах тэр цагаахан юм нь цайны дээж өргөх хөнгөн цагаан шанага гэж би шуудхан танина. Хонь сайхан налайна. Гэрээ харвал ээж хэсэгтээ үзэгдэхгүй. Халуун цайгаа оочиж суугаа даа гэж бодохоос яг л дэргэд нь байгаа юм шиг дотно санагдана. За, ээж минь гарч ирээд хотны хойно байгаа бяцхан пин рүү алхлаа. Үүдийг нь онгойлгож байх зуур хаяанд хэвтсэн Зоос, Шүүрэг хоёр сэмээрхэн алхаж очоод сүүлээ соосойлгон хөдөлгөж оцойгоод суучихлаа. Ээжид эрхэлчихсэн муусайн золигууд мах өөхний өвдөл цөвдөлхөн горилж, хэлээ гарган аахилж суугаа л даа, мэдэж цөхөх юмгүй. Хоёр нохой удаан ч хүлээсэнгүй уралдан ухасхийж хоншоороороо газар үнэрлэн тонгойх нь харагдана. Бодоход, ээж жаахан юухан хээхэн мань хоёрт шидээ л дээ. Гэрийн зүүнтэй хаяанаас бээлийн чинээ пөөнийсөн юм пин рүү жирийлээ. Сумын төвийн банхар сайтай айлаас “үрчилж” авчирсан нохойны хүү ч мөн дөө, чамайг. Ээж том цагаан юм тэврэн гарч ирлээ. Пингийнх нь довжоо өндөр юм сан, бүдрээд уначих вий дээ эжий минь. Хэд хоногийн өмнө чанаад гялгар уутанд хийн гэрийн хуучин цагаан бүрээсний тасархайгаар салхи авахуулахгүй битүү ороосон ууцаа л оруулж байна даа. Пингийн хаалга онгорхой. Хоёр банхар одоо ч горьдолтгүй боллоо гэсэн янзтай намрын идэш хийсэн хонхор руу шогшиж ийш тийш шиншилж буй нь үзэгдэнэ. Нэг нь газар хэвтэн юм мэрээд эхэллээ. Бодвол өвөлжин мэрээд барахгүй байгаа үхрийн тагалцагтайгаа л ноцолдож байгаа бий вий. Ээж дахин гарч ирж хонь налайх энгэр рүү ширтэнэ. Хүүгээ хониныхоо хаахна яваа бол гэж л харуулдаа вий. Хадны энгэрт ном уншиж суугаа хүн юу боллоо гэж ээжид харагдав гэж дээ. Ээж пин рүү алхана. Өө, тэр нэг пөөнөгөр үү. Замаас нь холдоод өгөөсэй. Холдож өгөх нь байтугай нөгөө муу эрхээр хатсан бээлийн чинээ нөхөр чинь ээжийн хөлийг тушин явуулахгүй нь ээ. Бүлээн сүүнд бялууртлаа цадчихаад эрхэлж байгаа царай тэр л дээ. Ээж пиндээ орон дахин нэг шар юм тэврэн гарч ирнэ. Хайлмаг хайлж тосоо холих гэж гүзээтэй тосоо орууллаа даа. Гэх мэтээр л өдөржин би ээжийг харуулдана. Битүүний өдөр гурав тогоолдог юм гэнэ билээ гэж ээж минь дандаа ёс гүйцэлдүүлдэг сэн. Хонины ээлжээ өнгөрөөгөөд уулнаас бууж очиход ямархан сайхан идээтэй угтах бол доо. Өдөржин хонь дагах ч бас хөөрхөн өлсгөнө өө. Өглөө өвөртөлсөн ааруулаа гаргаж хацраа бумбалзуулан хүлхэхэд өл дорхноо дарагдана. Хонио бэл рүү дарсаар буухын алдад сүлжээ барьдаг хөтөл дээр өвөр дэх утас цочтол дуугардаг юм байна. Утсаа автал хотоос Галсан багш залгаж байна. “Нутагтаа хонь хариулж явна аа. Ай мөн ч сайхан даа” гэж арааны шүлсээ залгих нь мэдрэгдэнэ. Багштай аар саарыг ярьж, азтай жаргалтайгаа мэдрэн, алтан харганын бут сандайлсан шигээ суутал хариулж яваа хонио түр зуур мартагнаж орхиж. Нэгэнтээ санан толгой өргөн харвал хонины түрүүчийн хэдэн гүймхий сэрх Цогтоогийн хоньтой нийлэх шахуу тожир тожирхийж явна. Хонь нийлэх нь гэж сандарсандаа багштай ярьж буйгаа ч умартан “Үүе хийг…” гэж хашгиртал хэдэн сэрх ч сэртийн эргэн харж тогтлоо. “Чамайг хониндоо чимээ өгөн гуугалахад багш чинь бондогосхийтэл цочсоноо их инээсэн” гэж гэрийг нь гийгүүлэгч Найгал эгч хожим хуучилж байсан сан. Хонио хотлуулан гэрт орж ирэхэд ээж минь тавгаа засчихсан, ууцаа тавьчихсан, шар тосонд хуушуур хайрчихсан хүлээж суусан даа. Үдэш тотгон дээрээ мөс тавихаар гарахад битүүний дүн хар тэнгэрт одод анивас жирвэс хийн гялалзаад мөн чиг сайхан байсан сан. Шинийн нэгний өглөө ээжээс түрүүлэн босож галаа түлчихээд, хотоо эргээд, зүүн талынхаа овоон дээр гарахад нар мандахаар дуншин туяартаж, тэртээд Заг-Байдрагийн Хүрэн бэлчир минь тавиуран цайвартаж байлаа. Алсын бараа ширтэж хэсэг суугаад орж ирэхэд ээж минь цайгаа чанаж, буузаа гал дээр тавьчихаад золгоход бэлдэн шинэ дээлээ өмсөж суусан даа. Ээжийнхээ тохойг өргөн “Та амархан байна уу. Сар шинэдээ сайхан шинэлэв үү” гэж золгон үнсүүлэхийн жаргалыг сүүлийн удаа эдэлж буйгаа баярласан би огтхон ч анзаараагүй байж дээ.


Categories
мэдээ цаг-үе

Гавж Д.Нямсамбуу: Муу сэтгэл нэмэгдвэл хүмүүс өөрийгөө мэдрэхгүй орилолдоод, чарлалдаад, алалдаад тайвширч чадахгүй болчихдог

Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуутай уулзаж ярилцлаа.


-Цагаан сар удахгүй болох нь. Монголчууд Цагаан сараар аливаа мууг үйлдэх бүү хэл амны билгээ бодож хүнтэй муудалцахыг ч тэвчдэг. Таны сургалтын гол цөм ч Буддын шашинтны ёс суртахууны тухай байдаг болохоор ярих хэлэх зүйл ч их байгаа байх?

-Хэлэх ярих зүйл их алга аа. (инээв. сур)

-Таны сургалтыг цахимаар харж үзэж байхад нүгэл, буяны тухай ойлголтыг энгийн ойлгомжтойгоор амьдралд ойрхон тайлбарлаж байгаа нь хүмүүст их таалагддаг юм билээ?

-Хүмүүс намайг “Ном уншуулаад хэрэггүй” гэсэн, “Зурхай хэрэггүй” гэлээ гэдэг. Би яалаа гэж тэгж хэлэх билээ, тэр ярилцлагыг уул нь бүтэн уншвал. Ганданд ном уншуулах хэрэггүй гэж би яалаа гэж ярихав дээ. Би өөрөө Ганданд номоо уншуулдаг юм чинь. Гэхдээ зан үйлээсээ илүү ёс суртахуун нь чухал байна. Сургаал номлолоо өөрсдөө унших, өөрсдөө итгэх, мөрдөх нь л чухал байна гэж боддог юм.

-Буддын ёс суртахуун гэж юуг хэлээд байна?

-Этик буюу ёс зүй гэдэг ойлголт дотор ингэх ёстой, тэгэх буруу гэсэн зааврууд байж болно. Тэр зааврууд юун дээр үндэслэсэн бэ гэсэн асуулт, хариулт байж болно. Бүр цаашлаад ер нь зөв, буруу гэж юу юм гэж ухах ёстой байх. Тэгэхээр би энэ асуултад “Буддын этик философи гэж энэ ээ” гээд товч хариулчих боломжгүй юм. Ер нь дийлэнх шашнууд нийтлэг ёс зүйн заалт дээр айхтар зөрөлдөөд байх нь юу бол.

Гол нь өнөөдөр бидэнд юу шаардлагатай байна гэвэл хараажийн буруу зүйлүүдийг хийдэггүй болж дадах хэвших юм. Жишээлбэл, хулгай хийхгүй байх, хэзээ ч хийх ёсгүй гэсэн итгэл суулгах чухал. Түүнээс хүмүүсийн асуугаад байдаг шиг машин унаад явж байсан чинь нэг талд нь хүүхэдтэй хүн байлаа, нөгөө талд нь хоёр хөгшин байлаа. Зогсох боломжгүй бол аль тал руу нь дарах вэ гэсэн маягийн асуултууд биднийг зовоогоод байгаа биш. Хэн хараажийн тодорхой төсвийн хулгай, авлига, хээл хахууль, бие биеэ дарлах, доромжлох зэргийг хэрхэн хийхгүй байх вэ, хийхгүй байж болдог юм уу, хэрхэн тийм болох вэ, дадуулах вэ гэдэг надад сонин байна. Бид авлигачид гэж үзэн яддаг, харин би өөрөө тэр их мөнгөнөөс татгалзаж чадах уу, тэр хонжоо харж байна, би бас хонжоо хардаггүй бил үү гэж өөрөөсөө асуугаад үзмээр.

-Сайн сайхан аж төрж яваа нэгэндээ жөтөөрхдөг атаа хорсол гэж аюултай зүйл байх юм даа. Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романд л гэхэд эрдэм номд шамдсан Санж гэцэлд атаархсаар эцэст нүдийг нь сохлон хээр хаяж байдаг даа?

-“Оройгүй сүм”-ээс хүмүүс их эшлэх юм. Хичнээн уран зохиол ч гэсэн, тэр чигтээ худлаа. Социализмын үед буддизмыг яаж муутгах вэ гэж л хийгдсэн зохиол. Шашин судлал гэдэг бол шинжлэх ухааны салбар. Шашин судлал Исламын шашныг судалж болно. Христ болон Буддизмыг судалж болно. Гэхдээ таах биш, зохиох биш, сэжиглэх биш, шүтэх ч биш. Яг юу гэж үздэг юм бэ, яг энэ практик байдаг юм уу, байдаггүй юм уу, хүчирхийллийг дэмжсэн байна уу, дэмжээгүй байна уу энэ бүхнийг байгаагаар нь шинжлэх ухааны арга зүйгээр ашиглан тодорхойлох гэж оролдож байгаа юм л даа. Буддын шашин чинь өнөөдөр сайн судлагдчихаад байна. Буддын шашинд хүчирхийлэл байдаг эсэх тухай академик бүтээл олныг уншсан. Гавлаар нь аяга хийх гээд хүн алах гэж зүтгээд байдаг утгагүй юм яаж байх вэ дээ. Би өөрөө түвдүүдийн дунд арван жил сурсан. Түвдүүдийг би сайн хүн ч гэхгүй, муу хүн ч гэхгүй. Бидэнтэй л ижилхэн хүмүүс. Тэд монголчуудыг ном эрдэм сурангуут нь алаад хядаад байдаг гэвэл 1900-гаад оны эхээр Лхасын хамаг томчуул нь монголчууд болчихсон байсныг би сайн мэдэж байгаа юм л даа. Гурван том сургуулийн хамба нь бүгд монголчууд. Нууц тарнийн сургуулийн хамба нь монгол. Багш нар нь олноороо монголчууд байсан.

-Та яасан сайн мэдэж байх юм бэ?

-Арвангуравдугаар Далай багш Монголд шилээвэр лхаарамбуудаа дагуулан Их Хүрээнд авчран монгол лам нартай ном хаялцахад манайхан ялчихсан юм гэнэ лээ. Далай лам Хятад руу соронзон дуу хураагуур захиж авчруулан монгол лам нарын ном хаялцаж байгаа мэтгэлцээнийг хурааж аваад тэрийгээ Лхастаа очин лхаарамбууддаа сонсгон олон эрдэмтнээ загнасан гэдэг. Би энэ тухай Монголд байхдаа сонсож байсан юм. Үүнээс цаашихыг нь би Энэтхэгт сурахаар очоод сонссон. Далай лам нутагтаа очоод “Хойшоо Монголд очиж ном хаялцах хамгийн эрдэмтэй хүмүүсээ сонгоё” гээд Буддын гүн ухааны долоон том сургууль дотроо мэтгэлцээн зохион байгуулаад шалгаруулахад жагссан эхний арван хүн нь монгол хүн байсан гэж настай түвд багш маань ярьж байсан. “Оройгүй сүм” дээр гардаг шиг эрдэмтэй лам нарыг алаад байдаг байсан бол тийм эрдэмтэй монгол хүмүүс гарч ирэхгүй биз дээ. Тэр ч битгий хэл Лхасын гурван том сургуулийн мэтгэлцээний талбай дээр “Монгол хэлгүй бол ном хаялцахад хэцүү боллоо” гэж ярилцдаг байж. Яагаад гэвэл ном мэтгэлцэж байгаа олон мундаг хүмүүс нь монголчууд болохоор монгол үг их оруулж яриад, тэрийг нь ойлгохгүй болчихоод байж.

-Мань мэт ч уншигчийн хувьд зохиолынх нь амт шимтэнд автаад жигтэйхэн үнэмшээд байдаг сан…

-Би ч гэсэн бас тэр номыг уншаад итгэчихсэн байсан. Энэтхэгт очоод тийм том цөгцөн дотор өөрөө зулын гол болох зан үйлийн тухай асуутал бөөн инээдэм. “Зул гэдэг юуны төлөө билээ. Гэрэл гаргахын төлөө. Гэрэл гаргахын төлөө өөрийгөө алах ямар хэрэгтэй юм бэ” гээд инээцгээгээд байгаа юм чинь. Вьетнамын дайны үед Буддын лам биеэ шатаасан нь шашны зан үйл бус гэдэг. Дайныг эсэргүүцсэн хувь хүний акц, гэхдээ Бурханы шашинтан тул бусдыг дэлбэлэх бус өөрийгөө түлж, тэр нь ч уг дайныг зогсооход бодит нөлөө болж чадсан байдаг. Бурханы номонд өөрийгөө хөнөөнө гэдэг тун ч том нүгэл, Бурханы шашны тантрын ёсонд бол бүр Бурхан хөнөөсөнтэй ижил нүгэлд тооцдог. Нэг ганлин бүрээ хийх гээд хүн алаад чөмгийг нь авна гэсэн тийм инээдтэй юм байхгүй. (инээв. сур) Бурханы шашны ганц бахархдаг зүйл нь бусдад хорлолыг тэвчих гэж байгаа. Ялаа шумуулыг хүртэл алахгүй. Ялааг хайрлаад, хүнийг хайрладаггүй ёс суртахууны номлол байж болох уу. Тэр “Оройгүй сүм”-д тэр ч битгий хэл Далай ламыг урт наслуулахын тулд нэг ламыг золигт гаргалаа, “Урьдын цагт жинхэнээс нь золигт гаргадаг байсан юм гэнэ лээ” гэсэн үг байгаа. Бурханы шашинд хамгийн бахархдаг зүйл нь бусдад хорлолыг тэвчих, цуст тахилыг хориглох. Өөрөөр хэлбэл ямар ч амьд амьтныг алах, хядах, цусаар тахил өргөх ёсгүй. Яагаад гэвэл амьтан аллаа гээд хүний нас уртсах биш, бүр богиносно гэсэн үйлийн үрд бид итгэдэг. Тэрнийх нь төлөө хэт ноомой болголоо гэж шүүмжлээд байдаг байх аа. Хүн өвдлөө гээд мал сэтэрлэдэг болохоос алдаггүй. Мөн “номоо монголоор орчуулаад уншсан чинь гэсгүй нь шийтгэсэн барьсан” гээд эрүүл ухаанд орохгүй гүтгэлэг энэ номонд бий. Энэ романы тухай их шуугиад байдаг чинь Буддизмын тухай бидний мэдлэг сул байгаагийнх. Үнэн худал хамаагүй, Бурханы шашныг муулж л байвал баясдаг хүмүүст бол аз жаргал юм биз дээ. Тэрнээс шашин судлал, мэдлэгийн түвшиндээ бол хялгасын төдий ч үнэ цэнгүй зүйл. Дээрээс нь хэлэхэд жаахан хулгайтай зохиол.

-Хулгайтай гэнэ ээ?

-“Маань ганбум” гэдэг зохиол дотроос үлгэрийг нь хулгайлчихсан шүү дээ.

-Юу гэсэн үлгэр байна?

-Зохиолын эхлэл төгсгөлд, сүм барьж байсан хүнээ сохолж цөлөөд, дараа нь оройг нь барьж чадахгүй болоод хүн зарж явуулаад, “Оройг нь хэрхэн барих вэ” гэж асуулгаад, хулсан бийр чихрангуут мэдчихлээ гэж гардаг шүү дээ. Зохиолын нэр ч үүнтэй холбоотой. Тийм зохиол Буддын номонд гардаг юм. За, атаа жөтөөний тухай асуултаас хоёулаа хэтэрхий халиад явчихлаа. Атаа жөтөө бол лут чөтгөр юм даа. Уул нь хүний муу сэтгэлүүд буурахын хэрээр хүнд амгалантай гэж номонд буудаг. Муу сэтгэлийг халуун өвчтэй адилхан гэдэг. Муу сэтгэл нэмэгдээд байвал хүмүүс өөрийгөө мэдрэхгүй орилолдоод, чарлалдаад, алалдаад, уралдаал тайвширч чадахгүй болчихож байгаа юм. Энэ цахим ертөнц, жиргээг харж байхад бид үе үе халуун өвчнөөр энэлсэн хүмүүс шиг санагдах. Жаахан тайвшрах сан. Муу зүйлийг тоолгүй орхи гэсэн үг биш шүү, дийлэнх тохиолдолд бид амин хувийн ашиг сонирхлоороо л талцдаг. Дайсагнаад байгаа хүндээ хамгийн зэвүүн муу үг хэлчихвэл бах нь ханаад, тэр хэрээрээ өөрөө муухай үг сонсоод л. Халуун хамуу, маажаад байхын хэрээр л гоё байдаг юм биз дээ.

-Наян дөрвөн мянган нисванисыг яасхийж дармаар ч юм бэ дээ?

-Хоёр төвшин байгаа юм. Наян дөрвөн мянган муу сэтгэлийг дарах юм яривал гэгээрэл байна гэсэн үг. Гэгээрэл гэж холын юм. Хүнээс илүү шуналтай хүн жигтэйхэн гэгээрэл яриад унахаар гэгээрэл гэдэг үгийн үнэ цэнэ алдагдах. Бурханы шашинд гэгээрэх шат дараалал байна аа гэнэ. Адаглаад ерийн дунджаас илүү зарчимтай болж чадсаны дараа тэр гэгээрэл мэгээрлээ яривал чухам үнэмшилтэй байна биз дээ. “Бодь мөрийн зэрэг” номонд өгүүлснээр эхлээд бид нийтийн ёс суртахуун гэдэг зүйлээ дагаж мөрдөж сурах хэрэгтэй. Тэгэхээр бид ганцхан өнгө мөнгөнөөс илүү үнэт зүйл байдаг гэдгийг эхлээд ухаарах хэрэгтэй. Шуналыг тодорхой хэмжээнд хязгаарладаг, түүнээс давсан эрх чөлөөг өөртөө бий болгох. Тэрний дараа шуналаа бүр дарах хэрэгтэй байх. Одоо түүний халууныг нь жаахан бууруулах, бүр адаглаад бууруулах хэрэгтэйг ухаарах нь л эн тэргүүний хэрэг болоод байна.

-Өнөө цагт их олон хутагт хувилгаад тодроод байх юм. Хутагт, хувилгаад гэдэг чинь номын зэрэг цол юм уу, эсвэл цаанаасаа төрчихдөг юм бол уу?

-За хутагт хувилгаан гэсэн агуулгад буддын өөрийн онол, буддизмд судлал, шүтэх бишрэх эрх чөлөө, бүр шашны маркетинг гээд олон шугамууд харагддаг тул санаагаа жаахан дэлгэрэнгүй хэлье. Нэгд, Бурханы шашны бүх урсгалууд хойд, урд нас бий гэж үзнэ. Хоёрт, гэгээрэл бол урт удаан замнал юм гэж үздэг. Бурхан багшийг өмнөх олон төрөлдөө сайн сэтгэлээ хөгжүүлэн хөгжүүлсээр байсан тухай Буддизмын бүх урсгал сургуулиуд хүлээн зөвшөөрдөг жатака (цадиг хэмээх монгол үг энэ үгнээс гаралтай гэдэг) хэмээх цадигт гардаг. Хэрвээ тийм бол, энэ насандаа өчнөөн гэгээрлийн номыг хөгжүүлээд, дадуулчихсан хүмүүс дараа төрөлдөө энгийн хүнээс арай илүү авьяаслаг байна аа гэсэн санаа гардаг. Төгөлдөр хуурын авьяас гэж байдаг шиг номонд илүү авьяастай байна. Төрөлхийн шунал нь бага байна. Төрөлхийн энэрэл нигүүсэл нь арай их байна. Тэр хүмүүсийг олоод номонд оруулбал шашны манлайлагч нар гарч ирнэ. Ийм л санаа шүү дээ. Би Өндөр богдоос нааших найман богдод их сүсэглэж залбирдаг юм. Монголын шашны эзэн нь залраад шашнаа манлайлна л гэж боддог. Энэ чинь итгэл үнэмшлийн асуудал. Хоёр мянган жилийн өмнө Ромд байсан еврей хүнийг ертөнцийн жигтэйхэн гайхамшигтай ганц аврал гээд шүтээд байгаа биз дээ. Тэр хүнийг бүр үхээд боссон юм гэнэлээ гэж итгэж болоод байна. Мүүн гэдэг нэг солонгосыг амьд бурхан гэж нэлээд монголчууд шүтэж болоод байна. Чинхай хэмээх вьетнам-хятад бүсгүйг төгс гэгээрсэн гээд монголчууд шүтэж болоод байгаа биз дээ. Тийм бол төрөл тутамдаа монголчуудыг аварна гэсэн тангарагтай, агуу их энэрэл нигүүсэлтэй, урьд урьдын ерөөлийн хүчээр Монголд төрж буй бодгаль гансаг Монголд байна аа гэж би итгэж болно оо доо. Итгэх эрхтэй. Миний энэ итгэл үнэмшлийг бусад хүн хүндлэх нь зөв. Нөгөө талаар хутагт хувилгаад төрнө гэдэг чинь шашны институцийн асуудал байгаа юм.Түвдийн шашинд жишээлбэл хутагт хувилгаад байдаг. Гэхдээ хутагт хувилгааныг бүтээдэг үйлдвэр буюу мундаг сургуулиуд байна. Намайг Энэтхэгт сурч байхад манай ангид хоёр гурван хувилгаан байсан. Тэр хувилгаад яадаг вэ гэхээр энгийн лам нараас хоёр гурав дахин ачаалалтай, илүү хяналттай, тусгайлан бэлдэх нь байна шүү дээ. Тэд ч багаасаа хариуцлагаа ухаарсан байдаг. Тэгэхээр хутагт хувилгаад гэж зүгээр нэг тодруулаад хаячихдаг юм биш. Шашны институци хариуцлагаа бүрэн хүлээж, түүнийгээ бэлтгэж, мэдлэгтэй болгоод хувилгаан гэсэн брэндийг бүтээдэг. Үе удам дамжтал ийм брэндийг бий болгодог, хүмүүст хүрэх шашны институцийн арга байж болно. Нөгөө талаас, хүнээс илүү, эгэл биш хутагт хувилгаадыг би харж л байсан. Монгол хувилгаадын дунд ч эгэл биш гэмээр, хүндэлмээр хувилгаад байна.

-Эгэл биш нь яаж анзаарагдах вэ?

-Үгүйдээ гэхэд хүн хүнээс илүү номоо үзэх, хүнээс илүү гэгээн зөв, одоогийн хүүхдүүдтэй харьцуулахын аргагүй төвлөрөлтэй хүүхэд байна шүү дээ. Бид Жалханз хутагт, Дилова хутагт гээд ийм гайхамшигтай хутагтуудын жишээг мэднэ. Монголын түүхэнд үнэхээр үүрэг гүйцэтгэсэн лам нар. Тэд ямар их эх оронч байсан юм. Гэхдээ дахиад хэлэхэд, хутагт хувилгаадыг зүгээр ч нэг тодруулаад орхичихдог юм биш. Хувилгаадын хувилгаан Далай ламыг хүртэл тэр цаг үеийн хамгийн мэргэн багш нар сургаж, ташуурдах газар нь ташуурдаж байж одоогийн их багшийг бүтээсэн гэлцдэг, Далай багш өөрөө ч айлддаг. Тэгэхээр шашны байгууллын зүгээс бол маш хянуур, бодлоготой хийх ёстой зүйл. Бурханы шашны олон урсгалд хувилгаан тодруулах зан үйл байдаггүй.

-Аравдугаар Богд Монголоос тодорсон гээд шуугиад байх юм?

-Би сайн мэдэхгүй юм. Хэрэв аравдугаар Богд тодорвол Монголд төвлөрсөн Бурханы шашин хүчирхэгжинэ. Буддын ертөнцөд энэ бол том чимээ болно. Аравдугаар Богд тодроход л Өмнөд Монгол, Буриад, Халимагаас өчнөөн монголчууд ирдэг болно. Үе үеийн Богд эрдэнийн үйлсийн хүч, нөгөөтэйгүүр бидний ухаан тал талаасаа нийлж чадвал дэлхийн хэмжээний хүн гарч ирнэ шүү. Жавзандамба хутагт гэдэг нэрийг бид ашиглаж чадвал дэлхийн брэнд шүү. Тодруулахаас өмнө л дэлхийн том том хэвлэлүүдэд “Монголд морилсон гэнээ” гээд гараад эхэлчихсэн. Тодроогүй байхад л аль хэдийнэ нэр нь яваад байна шүү дээ. Энд дахиад хэлэхэд энэ итгэмгүй тэнэг сонсогдож болно. Гэхдээ Монголын Бурханы шашинтнууд бидний л шүтэх эрх юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бавуугийн Лхагвасүрэн: Монгол гэдэг чинь дэлхийн ухааны их сав, тэнгэрийн хамгаалалттай ард түмэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, “Болор цом” наадмын гурван удаагийн тэргүүн, драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн, утга зохиолын “Алтан– Өд” наадмын хошой шагналт зохиолч, яруу найрагч, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, С.Лувсанвандангийн нэрэм-жит гоо зүйн дээд шагналт Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдлөө. Аюулт өвчинд нэрвэгдсэн өвгөн найрагч “Сар шинэ гаргачихвал уг нь яг далан таван насны босгоор алхах юм даа” гэж санаашрангуй өгүүлж хэвтэнэ. Түүний мах мариагаа барсныг харахад нүд халтирч, нулимс унагам гунигтай. Нөгөө их үс гэзэг нь нь шингэрч, сахал нь сөрвийж, шанааны яс нь горзойсон нь түүнийг мэдэх нэгэнд “Ийм ч хүн байгаагүй юм даа” гэх харуусал төрүүлмээр. Хавирганууд нь тоолж болом эрийж нэг л их том цээж, том толгой үлджээ. Их найрагч эдүгээ үзгээ ч, утсаа ч даахаа больж дэмий л адар ширтэн хэвтэх болсноо уйтайхан хүүрнэнэ. Ерэн дөрвөн килограмм жинтэй байсан тэрээр одоо дөчин есөн кг болтлоо хөнгөрчээ. “Боржгоны бор тал”-аа хүнгэнүүлэн уншдаг аргил баргил хоолой нь сөөж, цээжний гүнээс бүгтхэн авиа л оволзсон амьсгааг нь давж ядан сонстоно. Хэдий тэрээр хэвтэрт хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!


-Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?

-Яахав, бэлгэ бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.

-Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм…

-Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ.

Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.

-Төр ч бас хямралтай л байх шиг байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?

-Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?

-Хүчинтэй байгаа…

-Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?

-За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?

-Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын Их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ. Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.

-Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?

-Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг монгол үгэнд их дургүй хүрч байгаа.

-Ямар үгэнд таагүй хандах болов?

-Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томьёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхсэнийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохосноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхоос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг. Гэхдээ олонхын дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсоны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой. Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.

-Хоёр тусдаа нам битгий хэл, нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?

-Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач. Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна, тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, монгол хүний хүн чанар, монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо. Монголд харь гаригаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.

-Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?

-Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.

-Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий…

-С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл, хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна. Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн. Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа. Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан. Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий. Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй. Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойших адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?

-Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?

-Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.

-Мохируулдаг л байсан байх даа?

-Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур) Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ. Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй, шороо овоолох л газар байгаа шүү!


Categories
мэдээ цаг-үе

Цэдэндоржийн Төвшинтөгс: Дуулаачид дэлхийн тайзнаа гайхагдаж байгаа нь монгол дэг сургуулийн гайхамшиг

Түрүүч нь №010(6111) дугаарт


Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс, Э.Амартүвшин нар

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Цэдэндоржийн Төвшинтөгстэй хийсэн ярилцлагын үргэлжлэлийг толилуулж байна.

-Улсын дуурь бүжгийн эрдмийн театрыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасан нь мөн ч сайхан санагдаж байна…

-Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 30-нд манай хамт олон 68 жилийн ойн баярын хурлаа хийж байтал төр засгийн албаныхан ирж манай театрыг Алтан гадас одонгоор шагнасан тухай тушаал уншиж гардуулсан. Үүнд үе үеийн уран бүтээлчид үнэхээр их баярласан. Магнайгаа хагартал баярлана гэдэг л болсон. 1950 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр манай ягаан театрын барилга ашиглалтад орж, Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын хөгжим, их зохиолч Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван толгой” дуурийн мянга дахь тоглолтоор анхны хөшгөө нээснээр Монголын хөгжмийн театр үүссэн түүхтэй. УДБЭТ-ын симфони найрал хөгжим маань 1924 онд байгуулагдсан “Сүхбаатарын нэрэмжит клуб”-ийн дуу хөгжмийн ангийн үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнээс үүсэлтэй юм. Тэгээд бага багаар хөгжлийн замаар яваад байсан. Дуулалт жүжиг, хөгжимт драмыг тайзнаа тавьж ирсэн. Тэгж байтал Зөвлөлтийн мэргэжилтнүүд ирж зүгээр хуур, хуучир тоглодог байсан ардын авьяастнуудыг авчран хийл, төгөлдөр хуур зэрэг Европын хөгжмүүдийг заахад гайхамшигтай хурдан сурсан байгаа юм. Энэ бүхний түүхийг судлаад, уншаад байхад нүднээс үе үе нулимс гараад байдаг юм. Алтан үеийн ахмад уран бүтээлчид маань 1963 онд ЗХУ-д төгсөж ирснээр балетын жүжигчдээр хангагдаж, улмаар Драмын театраасаа өрх тусгаарласан.

-Дуурийн театр яагаад энэ бууриндаа үлдсэн юм бол?

-Анх баригдахдаа хөгжмийн театрын зориулалттай баригдсан барилгатай, хөгжмийн ямбтай, бөөрөнхий, акустик сайтай учраас манайд их тохиромжтой л доо. Жаран гурван оноос манай театр Дуурь бүжгийн эрдмийн театр нэртэйгээр явж байгаад 1981 онд академик театр болсон. Нэр авсан нь жаран гурван он болохоос үүсэн байгуулагдсан нь тэгэхээр хамаагүй урагшаа он тоололд хамаарна л даа. Ер нь Европын мэргэжлийн хөгжмийн театртай улс орнууд анх театр баригдсан он цагаараа хөгжмийн урлагийнхаа түүхийг нэрлээд явдаг. Тэр жишгийг цаашид хадгалсан нь дээр л дээ. Хүнд мөрөөдөл байх ёстой. Ирэх 2020 онд тэгэхээр ДБЭТ-ынхаа 70 жилийн ойг тэмдэглэнэ л гэж бодож байгаа. Одоо манай театр симфони найрал хөгжмийн анги, гоцлол дууны анги, балет анги, найрал дууны анги гэсэн уран бүтээлийн нэгж, захиргаа, үйлдвэрлэл, тайз, гэрлийн анги гэсэн аж ахуйн нэгжид 280 гаруй уран бүтээлчид ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд манай хорь гаруй гоцлол дуучдаас тив, дэлхийн зиндаанд хүрсэн алдартай дуучид төрөн гарч эх орныхоо нэрийг дэлхийн алтан тайзнаа цуурайтуулж байгаа нь сайхан санагддаг.

-Танайх жилд хэчнээн дуурь, балет тавьж байна?

-Манай урын санд дэлхийн сонгодог болон үндэсний зуу гаруй дуурь, балет байдгаас жилдээ 26 дуурь, 21 балетаас сонгон зуу гаруй удаагийн тоглолтыг үзэгчдэдээ толилуулж байна. Урын сангийн зуу гаруй уран бүтээлээсээ одоо бид шигшинэ. Бидэнд тоо биш чанар хэрэгтэй. 57 дахь улирлын хуваарь тэс өөр гарна.

-Дэлхийн алтан тайзны эздийн мэргэжлийн удирдлага байх гэдэг бас л сайхан үйл хэрэг мөн биз?

-Намайг энэ театрт анх орж ирж байхад манай алтан үеийнхэн бүгд байсан. Мөнгөн үеийнхэнтэй нь хамт байлаа. Мөнгөн үеийн сүүл рүү нь би өөрөө орж ч байх шиг. Цаг хугацааны гинжин холбоо ийм байна. Өнөөдөр манай Ариунбаатар, Амартүвшин, Бадрал нарын олон сайхан дуучин дэлхийд нэрээ дуудуулж байна. Би эднийг оюутан байхад СУИС-д уран чадварын бөгөөд дуурийн тавилын багшаар ажиллаж байлаа. Бүгд л намайг багш аа гэдэг. Тэгэхээр би их азтай хүн. Эд нартаа үлгэртэй зөв сайхан явах юм сан гэж бодож явдгийн минь биелэл гэж би талархаж явдаг. Дэлхийн дуурийн урлагийн хөгжлийг эд маань өнөөдөр тодорхойлж байна. Ялангуяа баритонууд маань үнэхээр ялгарч байгааг та мэдэж байгаа. Энэ театртаа захирлаар ирүүтээ Амартүвшингээ би дуучнаар авсан. Тухайн үедээ ажлаас нь гаргачихсан л байсан. Хэдийгээр гадаадад том гэрээтэй ч жилийн хугацаанд хоёр ч удаа ирээд дуулсан. Би үүнд маш их баярлаж байгаа. Энэ чинь мастер класс болж байгаа байхгүй юу. Дэлхийн том том тайзнаас ямар гоё энергитэй ирдэг гэж сананаа. Амартүвшин маань 2019 онд маш олон том тоглолттой. Та нэг юм анзаарч үзсэн үү.

-Юуг тэр билээ?

-Монгол Улс дуурийн дуулаачийн хувьд дэлхийд өөрийн гэсэн дуулах урлагийн дэг сургууль үүсээд бий болчихсны бат нотолгоо энэ хэдэн сайхан дуучдын амжилт юм шүү. Манай багш нар үнэхээр гайхамшигтай байна. Одоо зөвхөн болгар, итали, орос школ гэлтгүй монгол школ гэдгийг дэлхийн тайзнаа нотолчихлоо шүү дээ. Араас нь хэдэн сайхан залуучууд явж л байна. Х.Баянмөнх аварга “Эрдэмтэн бөх хүний хувьд” гэдэг шиг сонгодог урлагт насаараа зүтгэсэн хүний хувьд нэг л зүйлийг баталгаатай хэлье. Гоцлол дуучид, дуурийн гоцлоочид гэдэг бол заавал хамт олон дотор байж л өсөж хөгждөг юм шүү. Ганцаараа яваад, ари, романс дуулаад цойлоод мундаг болчихно гэж ерөөсөө байхгүй. Би үүнийг л хэдэн залуу дуучинд хэлье.

-Ганцаарчилсан тоглолт хийгээд амжилт олохгүй гэх гээд байна аа даа?

-Өө, яг наадахыг чинь хэлээд байна. Хэдэн уралдаан, тэмцээний медаль түүчихвэл мундаг дуучин болчихно гэж гүйгээд байхгүй юу. Үүнийг ойлгоосой гэж би хатуу хэлнэ. Дуурь гэдэг олон хүний хамтын бүтээл. Яагаад гэвэл та нарын дуулж буй бүхэн Монгол Улсын өмч шүү. Тийм учраас тэрийг дэлхийд гаргах гэж байгаа бол хамт олон дотор суралцах ёстой. Баахан шоунд орсноор гайхамшигтай уран бүтээлч болчихгүй. Дуурийн театрын алтан босго өндөр. Сайн дуучин хүн зөв хандлагатай л байх учиртай. Амартүвшин маань зөв хандлагатай учраас дэлхийд тэртэй тэргүй гарчихлаа. Үнэхээр одоо хэн юу хэлэх юм бэ. Манай Чингис хаан одонт Ариунбаатар дуучин гэхэд Марийнский театрт очиж байна. Эднийхээ анхны шанг татсан гавьяат жүжигчин Ганбат асан гэхэд ямар гайхамшигтай халуун дулаан сэтгэлтэй хүн байлаа. Хамт олноороо амралтанд очихдоо Ганбаттайгаа сумо барилдаж байсан зургаа хараад би өнөөдөр өөрийн эрхгүй самсаа шархирч байна.

-Энэ оны тоглолтын хөтөлбөрүүд аль эрт гарчихсан биз?

-Түрүү жилийн есдүгээр сард гарчихдаг юм. Ойрын үед гэвэл энэ сарын 19-нд Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжиг, ирэх сарын 2-нд П.И.Чайковскийн “Хунт нуур”, 3-нд Ж.Вердийн “Травиата”, 10-нд Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, 23-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, 24-нд А.Хачатуряны “Спартак” зэрэг тоглогдоно. Ерөнхийдөө манай цахим хаягаар орохоор бүтэн жилийн тоглолтын хуваарь долдугаар сарын 1 хүртэл гарчихсан байгаа даа.

-Таны нүүр номыг харахад нийгмийн сүлжээний их идэвхтэй гишүүн юм билээ. Нийгэмд ч бухимдал их л байх юм даа?

-Одоо хүнд гомдоод байх биш өөрийнхөө дотоод хандлагад өөрчлөлт хийх ёстой үе. Сайхан орон сууцанд аж төрж, сайхан унаа унаад амар тайван амьдаръя гэж бодож байгаа бол тийм улс орны иргэд ямар хандлагатай байдгийг өөрсдөдөө суулгамаар байна. Даяарын болоод үнэн худал хов жив хөөцөлдөөд, хамаг цагаа утастайгаа ноцолдож өнгөрөөж байгаа нь дэндүү гунигтай. Хүн хоорондын харьцаа байхгүй болчихсон. Бид чинь дугуйны хаймар түрээд л гүйж явсан минь ямар гоё амар амгалан байсан юм бэ. Хөдөө намар нь хадлан тариаланд, хавар мал төллөлтөнд явна. Хөдөлмөрлөж, хүн болцгоож байсан маань үнэхээр сайхан байсныг чи мэднэ дээ. Одоо тийм юм алга. Муухай зожиг болцгоож. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын найман хүүхэдтэй айлын нэг хүү нь. Эгэл боргил л өсөж том болсон. Энэ гайхамшигтай хувь тавилан байж. Аав минь бурхны оронд очсон. Сайхан монгол шүлэгтэй хүн байсан даа. Ганц нэг шүлэгт нь аялгуу зохиож л байна. Хүний уул ус, нутаг гэдэг сэтгэл зүрхэнд мөнхийн аргамжаатай. Тэр л хайрласан сэтгэлээ би уран бүтээлдээ шингээж яваа минь орчлонгийн нэг жаргал гэж боддог.

-Уран бүтээлч хүний амжилт гэр бүлээс их шалтгаалдаг гэдэг дээ?

-Миний ар талын нугаршгүй фронт маань Дундговийн Цагаандэлгэрийн уугуул Бишчулууны Нарантуяа гэж сайхан бүсгүй байна. Миний эргэн тойрны хүмүүс ханийг минь “аниа” гэж дууддаг. Надад гурван сайхан хүү төрүүлж өсгөж өгсөн дархан бэр дээ. Гурван хүү маань гурвуулаа хөгжмийн боловсролтой. Ууган хүү маань намайг “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийн уралдаанд тэргүүлэх жил төрсөн болохоор бэлгэшээж Юндэн хэмээн нэрлэж байлаа. Хэнтий аймгийн Баян-Адарга суманд соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Удаахь хүү маань Аригбөх. Монгол Улсын консерватори төгсөөд сургуульдаа акустик инженерээр ажиллаж байна. Отгон хүү цохивор хөгжмийн гавьяат багш Зоригоогийн шавь. Зургаан жил төгөлдөр хуураар яваад цохиворт урвасан нөхөр бий. (инээв. Л.Б) Ийм сайхан үрсийг минь төрүүлсэн эхнэртээ баярладаг юм. “Эхнэрээ магтсан хүн эргүү тэнэг” гэдэг чинь манай монгол түмний үг биш байх аа. Манжууд л гэр бүлийг хүртэл эвдрэл хагаралтай байлгах гэж ийм муухай бэлгэгүй үгийг тахал тархаасан гэдэг биз дээ. Би ер нь ханиа юу гэж ч магтсан миний өөрийн сэтгэлийн чиг хандлага аа.

-Таныг эрдмийн ажил оролдож байгаа гэж сонссон?

-“Сонгодог дуурь дуулах эрдмийн арга зүйн харьцуулсан судалгаа” сэдвээр докторын зэрэг горилохоор арваад жил судалгаа шинжилгээний ажил эрхэлж байна даа. Дуучин байх, урлагийн хүн байх гэдэг монголчуудын хувьд байгалийн өгөгдөлтэй. Үүнийг би батална аа.


Categories
мэдээ цаг-үе

Цэдэндоржийн Төвшинтөгс: “Сүүдэр цармын цэцэг” илбийн юм шиг л хүний сэтгэлийн сүлд дуу болж байлаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Цэдэндоржийн Төвшинтөгстэй уулзаж хөөрөлдлөө.


-Дуурь бүжгийн эрдмийн театрынхаа захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрчихөв үү. Та анх энэ театртаа хэдэн онд ирж байсан билээ?

-Эндээ захирлаар ирээд жил гаруй болж байна. Арван хоёр жилийн дараа төрөлх театртаа ирлээ. 2006 онд “Улаанбаатар” чуулгыг байгуулаад хэдэн сайхан залуу дуучнаа солист болгоё гээд явсан юм байгаа юм. Тэр үед Сэргэлэн дарга ирж байлаа. Анх театртаа 1992 оны зургадугаар сарын 15-нд дотоодод төгссөн дуучин залуу л солистоор орж байлаа. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Эрдэнэбулган, Зууны манлай дуурийн дуучин Уртнасан эгч нар маань шалгалтын комиссын гишүүд. “Дотоодод төгссөн анхны дуучин залуу ДБЭТ-т солистоор орсонд баяр хүргэе” гэж надад урам хайрласан. Тэр үг надад цуцашгүй даль жигүүр болсон доо. Урам гэдэг хүнийг ингэж эргэлт буцалтгүй зүтгүүлдэг гайхамшиг. Монголчууд “Хүнийг бурмаар тэжээхээр урмаар тэтгэ” гэсэн философитой сүрхий улс шүү дээ.

-СУИС дөнгөж төгсөөд ирсэн залуухан гоцлооч ямар дуурьт анх тоглов?

-Тийм. Дөнгөж оюутны ширээнээс ирж байгаа шүү дээ. Би тэнгэрлиг хувь тавилантай азтай хүн. Үүндээ их итгэж залбирч явдаг. Яагаад вэ гэвэл намайг ирэх үед алтан үеийнхэн энд байлаа. Пүрэвдорж багш, Жаргалсайхан багш нартай зөрөлдөөд орж ирж байсан. Тэр сайхан уран бүтээлчид урилгаар ирж тоглодог. Ардын жүжигчин Хавлааш гэж гайхамшигтай баритон байлаа шүү дээ. Оюутан байхдаа байнга ирж энэ хэдэн багшийнхаа тоглолтыг харна. Багш гэснээс нэг зүйл тодотгоод хэлэхэд надад эрдэм ном заагаагүй ч хүн харж, үлгэр дуурайл авч, тэр биеийнх нь хөдөлгөөн, биеийнх нь хэлийг ойлготол үлгэрлэнэ гэдэг үнэхээр том авьяас чадвар юм байна гэдгийг олон жилийн дараа ойлгож байна. Тэдний ямар нэг зүйл нь л намайг татаад байгаа байхгүй юу.

-Зохиолчид номоос суралцаж, номыг багш аа гэдэгтэй л ойролцоо зүйл байх нь ээ дээ?

-Ээ тэрэнтэй чинь л яг адил. Алтан үеийнхэн бол бүгд л бидний багш байсан. Бүгдтэй нь гар барьж, хамт байж сайхан дурсамж, сургаал үгсийг нь сонсож байсан минь том хувь тавилан байлаа. Түрүүний асуултад хариулахад дотоодын сургууль төгссөн товарищ юу боллоо гээд гол дүр аваад дуулаад байхав дээ. Тэгж дуулахад тодорхой хугацаа, туршлага хэрэгтэй. Ахмадуудын маань цөхрөлтгүй хөдөлмөрлөдөг зан чанар бидэнд их үлгэр дуурайл болдог байсан. Тийм учраас би ноотоо байнга сугавчлаад харайдаг байлаа. Тиймээс ч ахмадуудынхаа, сайхан хамт олныхоо дэмээр хэдэн сайхан дүрд гарах боломж олдсон. “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн улсын хоёрдугаар уралдааны Юндэнгийн дүрд ерэн дөрвөн онд түрүүлсэн минь азтай явдал болсон. Ерэн гурван онд Ж.Вердийн “Трубадур” дуурийг италиар тавихад гүн Ди Лунагийн дүрд италиар нь дуулсан. Энэ бол алт шиг гайхамшигтай уран бүтээлчдийн минь дэм л дээ. Удирдаач гэдэг бол бүгдийг гартаа зангиддаг, хөлөг онгоцоор бол ахмад нь шүү дээ. Тэр капитан нь манай нэрт удирдаач Жамсранжав байсан. Энэ гайхалтай хүний гар доор хүмүүжиж их юм олж авсан. Ямар сайндаа анх дублёр хийж байхад миний дуулдаг үглэл дууны хэсэг дээр над руу дохиход цочиж байх вэ дээ. Сандарч айсан. Харж байгаа нүд энэ тэр нь үнэхээр сүртэй шүү дээ. “Уучлаарай, би сандраад байна” гэлээ. Тэр хүний харцнаас их юм уншигдаж байгаа юм. Өөрт байгаа юу байна тэр бүхнээ л шавхаж байгаа юм. Миний мэргэжлийн багш Монгол Улсын гавьяат Дашиймаа гэж гайхамшигтай хүн бий л дээ. Орос, итали хэлийн дуудлагуудыг маш сайн хэлж өгч заадаг байсны ач буян ирсэн дээ. Надад урам хайрлаж найман сарын мэргэжил дээшлүүлэх курст Италийн Трест хот руу явуулсан. Зөөлөн уур амьсгалтай далайн хөвөөний эл хотод олон сайхан юм үзэж нүд тайлсан.

-Та хэдэн дуурийн гол дүрд тоглосон байх юм?

-Дуурийн гол болон туслах дүр гучаад юм байгаа шүү. Дуучдад өөрийн гэсэн өнгө будаг байдаг. Олон сайхан дуучин дуулчихсан дүрд тоглоно гэдэг хэцүү. Бидний үед бичлэг гээч юм гарч ирж байлаа. Сайн ч, муу ч саарал дүрс үлдэх боломжтой. Дэлхийн сонгодог урлаг гэдэг маань хүн төрөлхтний хөгжлийн маш том тэсрэлт. Оюун ухаант хүн хөгжмийн гоо зүйг эзэмшихээр юуг бүтээж чадах юм бэ гэдгийг дэлхийд дархалчихсан. Манай дуурийн театр гэхэд хөгжмийн хэлээр л дэлхийтэй ярьдаг. Ингэж бодохоор дүрүүдийн судалгааг хийхээс аргагүй. Энэ талаар би СУИС-иа үнэхээр магтана. Бурхан болооч Гонгорын Хайдав багш минь биднийг оюутан байхаас “Судал, судал. Юу судалж байна. Унш” гэдэг л байсан. 1987 онд би бэлтгэл курсийн оюутан байхдаа “Та одоо яаж ийм вакаль (тавимал) хоолой гэж яриад байна. Яаж учрыг нь олох юм бэ” гэхэд “Хүү минь, чи далайд нэг сувд чулуудчихаад тэрийгээ л далайн ёроолоос олж ирэхийг хэлж байгаа юм. Тэр дайны чадал авьяас орно шүү дээ” гэж байлаа. Дэлхийн болоод Монголынхоо гайхамшигтай дуучдыг дуурайх биш тэр бүхнээс суралцаж өөрийнхөө дүрийг гаргахыг маш энгийн ойлгуулж өгсөн шүү.

-Та мэргэжлийн дуулаачаас гадна нийтийн дууны урын сан их баялаг дуучин даа?

-Хүн төрөлхтний түүхэнд оюун сэтгэлгээний өнө эртний гайхамшигт өвийг байгальтайгаа хослуулан үлдээж чадсан тэнгэрлиг үндэстэн бол монголчууд. Дэлхийн таталцлын хуулийг гайхамшигтай мэддэг ард түмэн. Энэ хуулийг мэддэг учраас байгаль дэлхийдээ их хайртай. Ийм тэнгэрлиг ард түмэн чинь байгаль дэлхийгээ баясгаж дуу хуураа зохиох учиртай яа даа. Зарим хүн “Урлагийн гайхамшиг гэж юу байдаг юм. Уртын дуу, дуу гэж ер нь юу юм. Урлагаар ер нь улс орон хөгжинө гэж юу байдаг юм” гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл тэр халуун оронд очоод шалхайтал хэвтээд үз л дээ. Ийм тэнэг юмыг битгий тулгаад бай л даа. Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улирал нь биднийг бөхийн ам авч байгаа юм шиг заяачихсан байхад бид байгалийнхаа л араншинг таньж аж төрөхөөс аргагүй. Тийм л тэнгэрлиг хувьтай Монголын ард түмэн түмэн үеийн түүхэндээ дуу хуураар тасарч байгаагүй юм билээ. Тасрах ч ёсгүй байгаа юм. Яагаад гэвэл бид заяасан энэ сайхан баян хангай дэлхийдээ дуу хуураа өргөж байх ёстой. Тэгж байж хайр хишиг, аврал энэрлийг хүртэх ёстой гэж би боддог. Ийм дуучин, хөгжимлөг ард түмний дуучин болж төрнө гэдэг нэр хүндээс гадна асар их хариуцлага. Өөдтэй л явахгүй бол болохгүй. Үдийн хугас дуулчихаад хоолой нь сөөчихөөд сууж байгаа хүнийг манай ард түмэн “Үдийн дуучин, үд хугасын дуучин” гэж янз янзаар гоё хэлнэ шүү дээ. Долоо хоног уртын дуу дуулчихаад ханхайж байгаа хүн, гурав хоног амарчихаад ирэхэд хоолой нь бүүр сайхан сонсогддог гэдэг домог мэт яриа байдаг. Би олонд түгсэн дуунуудаа өөрийнхөө уран бүтээл гэхээсээ илүү аялгууг нь бичсэн гайхамшигтай хөгжмийн зохиолч, шүлгийг туурвисан тэнгэрлиг яруу найрагчдадаа л талархаж явдаг. Би ард түмэнд тэр дууг хүргэх гүүр болох төдий. Угаасаа дуучин ард түмэн болохоор аливаа дууг гайгүй шиг, үнэн зүрхнээсээ дуулахад цааш нь аваад түрээд явчихдаг.

-Танд ард түмнээрээ түрлэг нэмүүлсэн олон сайхан дуу бий шүү?

-Азтай нь уран бүтээлч бидний зүрх сэтгэлийн дуудлага болсон сайхан дуунууд бий. Уран бүтээл хүртэл нөхөрлөлийг авч ирэхдээ хувь хүмүүсийн зан чанартай холбогддог юм байна. Хэдэн сайхан дуугаараа холбогдсон уран бүтээлч бид хэлхэлдээд байж байдаг. Амьдралд ч гэсэн тэд маань их тус болдог. Миний их ах Шарав маань байна. “Хайрхан уулын бараа” гээд ямар сайхан аялгуутай дуу хийж өгөв. Үгийг нь бичсэн яруу найрагч Довчингийн Отгонсүрэн гэж хэл бичгийн том эрдэмтэн Багшийн дээд сургуулийн багш байлаа. Би охинтой нь аравдугаар ангид хамт суралцаж байсан. Юм чинь ингээд цаанаасаа хувь заяаны сүлжээ байдаг байхгүй юу. Зүгээр нэг оноолтоор бий болчихдог юм гэж орчлонд нэгээхэн ч байхгүй. Энэ дуу маань ерэн дөрвөн онд “Морин хуур” наадмын тэргүүн байрын шагнал авлаа. Би чинь түүнээс хоёр жилийн өмнө “Орхон түшээ мөрөн” дуугаар энэ наадмын тэргүүн байрыг анх авсан юм. Бямбабаяр бид хоёр чинь сайдна, муудна. Залуу насны цог залиар хундаганы ард нөхөрлөнө. Тухайн үедээ үнэн байдал ийм л байсан юм чинь. Бид юунаас болж муудах вэ гэвэл уран бүтээлээс болно. Тэрнээс ахуйн чанартай маргаан бидний дунд хэзээ ч болж байгаагүй. “Энд нэг такт нэмүүлнэ. Эсвэл хэмжээг нь өөрчилнө” гээд л тулна шүү дээ. Манай Бямбабаяр чинь цаанаасаа “төрчихсөн” өгөгдөлтэй амьтан байхгүй юу. Бүгдийг ярина гэвэл бидний яриа дэндүү сунжирна. Яруу найрагч Дашзэгвийн Банзрагч ах, хөгжмийн зохиолч Сайнцогийн Мөнхбат хоёрын маань “Сүүдэр цармын цэцэг” гээд дуу байна. Энэ дуу илбийн юм шиг эрэгтэй, эмэгтэй гэлгүй олон хүний сэтгэлийн сүлд дуу болж байсан. Бараг гурван жил шахуу бүх уралдаан тэмцээн, бүх дайллага цайллага энэ дуугүйгээр явж байгаагүй. Хайрын дууны уралдаан, “Цагаан лавайн эгшиг” гээд уралдаануудад байнга л түрүүлнэ.

-Танаас өөр дуучин “Сүүдэр цармын цэцэг”-ийг дуулсан уу?

-Дуулаагүй. Манай Ундрал арай өөр маягаар нэг дуулсан юм байгаа. Аливаа төгс уран бүтээлийн анхны хэмийг эвдэхэд хэцүү байдаг л даа. Цаг хугацааны дараа тэрүүгээр нь авч болох л байх. Яг минийхээр хүмүүст хүрчихсэн болохоор одоохондоо өөрчлөх гэхээр болохгүй байх шиг байгаа юм. Үзэгдээд өнгөрөх энэ ертөнцөд үлдээд хоцрох уран бүтээл гэгч ийм л гайхамшигтай юм. Урлагийн ертөнцийн ай савд орж ирэх үүд хаалгыг минь нээж өгсөн гайхамшигтай уран бүтээлчдэдээ би их баярлаж явдаг. “Хан Хэнтий” чуулгынхаа алтан тайзанд мөнхийн залбираастай. Сая хоёр жил энэ чуулгынхаа даргаар ажиллаад ирсэн.

-СУИС-д элсэхээсээ өмнө аймгийнхаа чуулгад ажиллаж байсан байх нь ээ дээ?

-Өө, “Хан Хэнтий” чуулгадаа гавьяат жүжигчин “солгой” хэмээх Намдагийн Төмөрхуягтайгаа, отгон гавьяат “Дунгаамаа” Баасанжав бид чинь яг нэг үеийнхэн. Зүүн бүсийн Сэцэн ханы их чуулгыг авч явсан, “Жонон хонгор” дуугаараа алдаршсан урлагийн гавьяат зүтгэлтэн Дашням, урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбо багш, бүсгүй хүний үсийг ч гэсэн бүжиглүүлдэг урлагийн гавьяат зүтгэлтэн Санжаасүрэн, найруулагч Энхболд нарын гар дээр эрхэлж хүмүүн боллоо. Ардын жүжигчин Шархүүхэн эгч байлаа. “Морины” Нансалмаа гавьяат байна. Гавьяат Ичинхорлоо эгч гээд маш олон сайхан уран бүтээлчидтэй авьяасын халуун тогоонд буцалж дэвэрч явлаа. Дууны ертөнц бол миний амьсгалж амьдарч байгаагийн гол утга учир болсон нь эндээс эхтэй. Зундуйн Дорж гуайн шүлэг, Дашням гавьяат, ардын жүжигчин Жаргалсайхан гуай нарын дуулсан “Нас тогтох сайхан” хэмээх дууг цагаан сараас өмнө дуулж дүрсжүүлэх юм сан гээд арай л амжсангүй. Одоо нас ч тавь гараад явчихлаа шүү дээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Орчуулагч, яруу найрагч Ж.Оюунцэцэг: “Үүлэн бор”, “Хоббит” гээд гуч гаруй ном орчуулжээ

Монголын зохиолчдын эвлэлийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” шагналт нэрт дуун хөрвүүлэгч, авьяаслаг яруу найрагч Жамсрандоржийн Оюунцэцэг МЗЭ-ийн түүхт 90 жилийн ойн үеэр Засгийн газраас олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаасан билээ. Түүний тухай утга зохиолын ертөнцөд мөр зэрэгцэн орж ирсэн “Гал” нэгдлийнхэн нь “Ж.Оюунцэцэг бол бидний цаг үед яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд эгшиглэсэн уяхан ятга юм” хэмээн товч бөгөөд тодорхой дүгнэсэн байдаг. “Орчлонгийн сайхан хүүхнүүд” хэмээх олны танил дууны үгийг зохиосон эрхэмсэг бичгийн хүмүүнтэй уулзаж хөөрөлдсөнөө толилуулъя.


-Их зохиолчийн нэрэмжит шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Таныг яруу найрагчаас гадна нэртэй дуун хөрвүүлэгч хүн гэдгийг манай уншигчид мэднэ. Хэдийнээс уран бүтээлийн гараагаа эхлэв?

-Баярлалаа. Би Улаанбаатар хотод төрж өссөн, нийслэлийн Хоёрдугаар арван жилийг сургуулийг дүүргэсэн хүн. Арваа төгсчихөөд нэг хоёр жил холбооны газар захиа ялгагчаар ажилладаг байлаа. Тэр үеэсээ яруу найрагт шимтэн дурлаж, орой үдшийн цагаар үзэг цаас нийлүүлэн суудаг байлаа. Зохиолч Сономын Удвал гуайн дэмжсэн бичигтэйгээр МУИС-д элсэн суралцсан.

-Таны тухай соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар “Ж.Оюунцэцэгийн шүлгүүдийг төвийн сонины хуудаснаас байн байн харах болж, толгой дээр цахиур хагалж буй тэр бүсгүй шүлэгчтэй танилцах юмсан гэж бодож явсаар МУИС-ийн уран зохиолын нэгдлийн цуглаан дээр Б.Сундуй маань биднийг танилцуулж билээ.

“Хурын ганцхан дусал нулимсанд

Хурмаст тэнгэр нүүрээ тольдоно…” гэх эвлэгхэн мөрүүд, “авьяас бол амилсан бурхан юм” гэсэн утгатай шүлгүүд нь тэр доороо цээжинд хоногшиж улмаар бид дотно найз нөхөд болсон юм” хэмээн халуун дотноор дурссан байсан?

-Бидний хэдэн уран бүтээлч тэртээ далаад онд танилцаж, Монголын утга зохиолд нэгэн “Гал”-ын цучил дөл болцгоосон доо. Тэр “Гал” нэгдлийг анх эмч яруу найрагч Дагвадоржийн Цогт, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо, Ү.Хүрэлбаатар нар санаачлан урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, төрийн сүлд, тамганы зураач Ц.Ойдов, төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, дорнын их яруу найрагч Эрээнцавын Д.Нямсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, яруу найрагч Ядамбатын Баатар бид түүчээлэн нөхөрлөж, жинхэнэ түүдэг болгосон гэж хэлж болно. Бид тэр үед шөнөжин шүлэг найраг уншин шуугилдаж шаагилдаж ангир галуу мэт ижилдэн нөхөрлөж явж дээ.

-Таны орчуулсан “Үүлэн бор” хэмээх Орос ардын үлгэрийн номыг уншиж өсөөгүй хүүхэд бидний үед ховорхон. Та ер нь хэд орчим ном орчуулсан бол?

-Би Монгол Улсын их сургуулийн монгол хэл-уран зохиолын ангийг төгсөөд “Залуучуудын үнэн” сонинд ажиллаж байгаад гэр бүлийн хүнээ даган Москва хотноо очиж аж төрөх хувь 1979 онд тохиосон. Тэнд ажиллаж амьдарч байхдаа тухайн үеийн алдартай “Радуга” хэвлэлийн газарт ажиллаж Үүлэн бор” үлгэрийн түүврээс эхлээд нэлээд ном орчуулсан л даа. За тоолбол бараг гуч гаруй ном байгаа байх шүү. Тэр бүхнээ тоолно гэхэд хэцүү. Наяад онд Оросын нэрт эрдэмтэн, зөгнөлт зохиолч В.Обручёвын “Санниковын газар” хэмээх адал явдалт, зөгнөлт романыг орчуулсныг хүмүүс нэлээд уншсан байдаг. Япон хэлийг би хувиараа сурсан. Манай Ү.Хүрэлбаатар эд нар “Ж.Оюунцэцэгийн орчуулсан Башёгийн “Адилхан цэцэг нэг ч байдаггүй” хэмээх хайкугийн бяцхан түүвэр орчуулагчийн авьяасын гялалзсан эрдэнэ” гэх мэтээр хөөрхөн хөөргөнө өө. (инээв. Л.Б) Гэхдээ уран бүтээлч хүнд урмын сайхан үг бас ч ташуур болох үе бий шүү. Америкийн яруу найргаас сорчлон 2014 онд “Хөршүүд” хэмээх номыг англи хэлнээс орчуулсан маань “Алтан-Өд” шагнал хүртэж байлаа. Уран зөгнөлийн агуу их мастер Жон Р.Р.Толкины “Хоббит” дэлхийн сонгодог үлгэр, туужийг орчуулсан маань энэ түүхт ойгоор их зохиолчийн нэрэмжит шагналыг надад авчирсанд баяртай байна. Англи хэлийг би Чикагод амьдарч байхдаа англи хэлний курст суун сурсныг “Паанан” туужаараа алдаршсан манай нэртэй зохиолч Доржзовдын Энхболд нарын хүмүүс мэдэх байх.

Зүүн гар талаас: Ж.Саруулбуян, Я.Баатар, Ж.Оюунцэцэг, Г.Мэнд-Ооёо, Д.Цогт нар. 1980-аад он

-Оросын сонгодог яруу найрагчдын бүтээлээс нэлээд орчуулсан даа?

-Оросын яруу найрагчдаас А.С.Пушкин, М.Ю.Лермонтов, С.Есенин, Борис Пастернак, Николай Гумилев, Анна Ахматова, Марина Цветаева, Расул Гамзатов, Римма Казакова, Белла Ахмудилина, Евгений Евтушенко, Андрей Дементьев, Ирина Астахова, Лариса Рубальская нарын нэлээд олон яруу найрагчдын шүлгийг орчуулж “Алган дээрх шувуу” түүврийг 2016 онд хэвлүүлсэн шүү.

-Одоо та дэлхийн хэн гээч сонгодгийг барьж авах гэж байна?

-Нобелийн шагналт Канадын зохиолч Элис Мүнрогийн өгүүллэгийн түүврийг орчуулаад байж байна.

-Таны анхны номыг дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан багш тань бас л халуун урмын үгээр мялаасан гэдэг байх аа?

-“Цэцгийн дэлбээ” хэмээх яруу найргийн анхны номоо 1978 онд бэлтгээд очтол Явуу багш шүлгүүдийг минь гүйлгэж хараад надад урмын үг хайрласан. “Чиний энэ богинохон шүлгүүдийг Долгорын Нямаа редакторловол яг таарах юм байна. Нямаа Засгийн газрын ордонд суудаг. Зүүн хойд хаалгаар нь дуудуулаад номоо аваачиж өг. Нямаа бол чи бид хоёртоо Засгийн газар л гэсэн үг” гээд намайг явуулж байлаа. Удаахь түүвэр маань “Орчлонгийн сайхан хүүхнүүд”.

-“Орчлонгийн сайхан хүүхнүүд” дуу тань хоёр зохиогчтой яваад байдаг нь ямар учиртай юм бол?

-Би үүнийг одоо хүртэл их гайхдаг юм. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, их зохиолч Чадраабалын Лодойдамба гуайн охин Л.Насанбатад би анх шүлгээ өгч байсан юм. Тэгсэн сүүлд л Цамбын Зоригтсайханы шүлэг гэх болсон. Би тэр хүнийг тэгтлээ хардаад байх ч юу байхав. Намайг эх орноосоо хол аж төрж байсан болохоор өөрийнхөө шүлгийг мэдэхгүй гэж бодсон юм болов уу даа. Одоо заримдаа цахим энэ тэрд хос зохиогчтой явж л байдаг юм. Би чинь үндсэндээ яруу найргийн таван ном гаргасан хүн. “Миний ертөнц” яруу найргийн түүврээ 2015 онд хэвлүүлснийг өнгөрөгч онд Америкийн эрдэмтэн Саймон Смит англи хэлээр орчуулан гаргасан даа.

-Ингэхэд та олон дууны шүлэг бичив үү?

-А.Батсүхтэй “Түүнд би хайртай байсан”, Л.Гончигсумлаатай “Цонхон дээрх цэцэг”, Т.Насанбуянтай “Миний зээ”, “Охиндоо”, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Насанбаттай “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгтэй “Хамаг Монголын эзэгтэй”, Б.Цогтдэлгэртэй “Сэтгэл” гэх мэт арваад дуу хамтран бүтээсээн.

Орчлонгийн сайхан хүүхнүүд

Нандин ариун сэтгэлээрээ

Нарны хорвоог уяраасан

Сарны мөнгөн туяанд нялхраад

Сайны ерөөлөө үрдээ өргөсөн

Орчлонгийн сайхан хүүхнүүд

Ээжийн ээжийн ээжүүд

Хайлган цайлган бүүвэйгээрээ

Харанхуй шөнийг уяраасан

Үүрийн гэгээгээр цайгаа сүлээд

Үрийнхээ хойноос дээжийг нь өргөсөн

Орчлонгийн сайхан хүүхнүүд

Ээжийн ээжийн ээжүүд

Ачлал энэрлийн алган дээрээ

Амьдрал жаргалыг тэнцүүлсэн

Хүсэл хайрын хүндлэл хүлээж

Хүмүүн төрөлхтнийг элгэндээ тэвэрсэн

Орчлонгийн сайхан хүүхнүүд

Ээжийн ээжийн ээжүүд

Categories
мэдээ цаг-үе

Сэндэнжавын Дулам: “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг маань ЮНЕСКО-гийн тайзнаа тавина

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат ажилтан, СУИС-ийн Бүжгийн урлагийн тэнхимийн багш, доктор, профессор Сэндэнжавын Дуламтай уулзаж хөөрөлдлөө.


-Таны эрдэм шинжилгээний өгүүллийн чуулганы зургаан боть ном хэвлэгдэж номын баяраа хийж буйд баяр хүргэе!

-Урьд өөрийн бүтээлүүдээ арван ботиор гаргасан л даа. Миний бие ачлалт багш нарынхаа буянаар 1973 онд Монгол Улсын их сургууль хэмээх их айлын босгыг алхаж, багш хэмээх алдрыг хүртсэнээс хойш нэг жилийн дараагаар 1974 онд МУИС-ийн эрдэм шинжилгээний бичгийн 49 дүгээрт харьцуулсан аман зохиолын анхны өгүүллээ орос хэлээр гаргаж байлаа. Орос хэлээр бичсэний учир нь бидний цаг үеийн шинжлэх ухааны гол хэл нь орос хэл байсантай, орос хэлийг ихэд дээдлэн үздэг байсантай холбоотой юм. Тэр өгүүлэл өмнөх гурван ботийн хоёрдугаарт байгаа. Тэр өгүүлэл хэвлэгдсэнээс хойш 44 жилийн ногоо ургахыг үзжээ. Энэ хугацаанд юу эсийг бичсэн гэх вэ. Чингээд энэ цагийн монгол судлалыг давшуулан хөгжүүлж буй доктор Заяабаатарын санаачилсан “МУИС-ийн профессорын эрдмийн өв” цувралын найм дахь удаагийн цувралд миний эхний гурван боть хэвлэгдсэн. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Төмөртогоо нарын эрдэмтдийн бүтээлүүд гарсан. Дөчин дөрвөн жилийн бүтээлийг оруулж буй учир хэмжээ дамжаа нь ихэсч тус бүр нь 500 хуудас зургаан боть болж санхүүгийн асуудал хүчир болж ирсэн учир үлдсэн гурван боть нь сэдвийн хувьд ч одоогийн миний ажиллаж байгаа СУИС-ийн судалгааны чиглэлд нийлэмжтэй байх тул тус сургуулийн захирал, хатагтай Э.Сонинтогост учраа айлтгахад уриалгахан хүлээн авч, анхааран үзэж номоос өөр хогшилгүй, үзэгнээс өөр зэвсэггүй өвгөн эрдэмтэн намайг дэмжин тэтгэлээ. СУИС-ийн захирал Э.Сонинтогосын надад тусалсан дэмжлэг ганцхан үүгээр хязгаарлагдахгүй. Одоогоос олон жилийн өмнө 2011 онд миний Бэлгэдэл зүйн дөрвөн боть борлогдоод дууссаны дараа ахин хэвлүүлж тус болсныг би бахархалтайяа санаж байна.

-Ботиудаа ямар сэдвээр ангилав?

-Эхний гурван ботид миний эзэмшсэн монгол, хэл бичгийн мэргэжлийн судалгааны бүтээлүүд багтсан. Сүүлийн гурван ботид миний гол судалгаа болох бэлгэдэл зүй болон монгол соёл урлагийн чиглэлийн судалгаанууд голлож байгаа. Сэдвийн цар хүрээ ийн өргөн байгаа нь бидний судалгааны арга зүй болох соёлын хүн судлалын биечлэн дагах арга зүй, хээрийн шинжилгээний ажилтай ихээхэн хамааралтай юм. Миний эрдмийн хоёр их багштан Ри, Чой.Лу (Бямбын Ринчен, Чой.Лувсанжав) багш нарын маань сурган заасан монгол утга соёлын өвийг сурвалжлан цуглуулж, хурааж хумьсны үр шим энэ боллоо.

-Та бол өрнө, дорнын олон хэлээр эрдэм шинжилгээний бүтээл, өгүүллүүдээ бичихээс гадна гадаадын олон их, дээд сургуульд багшилдаг хүн. Гадаад хэлээр хэвлэгдсэн бүтээлүүдээ эх хэлээрээ хэвлэв үү?

-Зарим нь англи, монгол, орос орчуулгатай байгаа. Манай шавь нар, эрдмийн мэргэд орчуулж оруулсан. Заримыг нь орчуулах цаг хугацаа хомс учраас хэвлэгдсэн хэлээр нь оруулсан. Монгол нүүдэллэх ёсны тухай 46 хуудас өгүүллийг гэхэд франц хэлнээс хэн нэгэн хүн орчуулах хэрэгтэй болно. Цаг хугацаа ийм хомс учраас Индианагийн их сургуулийн Дотоод Ази судлалын институтээс яаж гаргасан яг хэлбэрээр нь татаад гаргасан.

-Таны багын найз эрдэмтэн Гучин мянгатын толь-ийг хаанаас нь ч асуусан нэг ч үг гаргаахгүй мэдэж байсан гэж бахархан ярьж байсан. Та зөвхөн орос хэлийг ийн элдэнгэшүүлэн өөриймшүүлэхээс гадна бусад хэлүүдийг яаж ийм төгс сурав?

-Хэл сурахад онцгой гайхуулах ч зүйл байхгүй ээ. Франц хэлийг би тэнд гурван жил ажиллаж, дараа нь жил бүр уригдаж илтгэл тавих болсон учраас харилцааны хэрэгцээ үүсээд сурахаас аргагүй болсон. Дээр нь миний хамгийн хайрлаж дурладаг зүйл франц яруу найраг, уран зохиол учраас зориуд хичээж шамдсан. Франц хэлнээс Шарль Бодлер, Поль Верлений шүлгүүдийг орчуулах маягаар сурсан. Орос хэл бол тэртэй тэргүй бидний цаг үеийн хамгийн гол хэл байсан. Намайг оюутан байхад манай Лувсанжав багш Монголд анх англи хэлний хоёр жилийн оройн курс гэдгийг нээсэн. Төрийн гол байгууллагын мэргэжилтнүүдийг тэр курст сургасан. Лувсанжав багш миний гарын багш болохоор “Чи тэр хойно сууж бай” гэдэг байлаа.

-Чой.Лувсанжав багштан тань хэл сурахдаа унтах хэвтэхээ ч умартан шамддаг байсан хүн гэдэг. Танд ямар арга барил нь их нөлөөлсөн бол?

-Лу багшийн хэл сурдаг нэг арга бол ерөөсөө нэг л дайралтаар үздэг. Дунд нь амрах залхуурах, зугаалах зүйл байхгүй. Нэг барьж авсан хэлээ өчүүхэн завсар чөлөөгүй оролдон шамдсаар тэр хэл нь өөрөө залхтал дайрдаг хүн байсан. Манай багш шиг энгүй шамдалт хүн тийм элбэг байхгүй. Бид тэр хүний энд хүрнэ гэж байхгүй шүү дээ. Багшийнхаа гол арга барилыг яахав авсан л байх. Хамгийн гол нь хичээнгүйн хувьд Лу багшийг гүйцэх хүн байхгүй.

-Их эрдэмтэн Ринчен гуайгаар хичээл заалгаж байв уу?

-Яг хичээл зорьж заалгаагүй. Би Лувсанжав багшийн шавь болохоор Ри багштай уулзахгүйгээр нэг өдөр юм ертөнцийн мөнх бус болчихвол харамсалтай гэж бодоод намрын нарлаг сайхан өдөр сонгож байгаад өргөөг нь зорьж очсон. Хотынхон чинь хаалгаа байнга түгждэг бол тэдний хаалга нь онгорхой байдаг юм билээ. Шууд яваад орчих хэцүү учир хаалгыг хоёр гурав тогштол өглөө дөнгөж боссон бололтой цээж нүцгэн байна. Настай хүн чинь бие нь цаанаа нэг улбагар шалбагар харагддаг даа. Тэгэхэд жигтэйхэн сайхан чийрэг, тэгшхэн биетэй хүн байсан. Цагаан сахлаа намируулаад “Та морилон саатна уу” гэж гар дэлгэн оруулсан нь одоо ч нүдэнд харагддаг. Би тэр тухай сайхан тэмдэглэл бичиж авсан нь одоо ч надад бий. Тэрнээс хойш овоо нүүр хагарч, орж эрдэм ном асуудаг болсон.

-Их Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын үүсгэн байгуулсан Монголын зохиолчдын байгууллагын түүхт 90 жилийн ой энэ сарын 9-нд тохиож байна.

-Ойдоо зориулж ямартаа ч зургаан ботио өлгийдлөө. Би Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоондоо харьялагдаж явдаг хүн. Тэндээ л байна. Сэтгэл зүрхээрээ бичиж туурвиад явж байна. Ер нь шүлэг, яруу найраг гэдэг чинь залуу насны үйл хэрэг юм шиг байна шүү дээ. Нэг үгээр Пушкины хэлснээр нас ахих тусам үргэлжилсэн үг рүү тэмүүлээд байдаг шиг байна. Миний судалгааны чиглэлтэй их хамаатай зүйл маань Монголын эртний урлаг, зан үйл болсон учраас бүжгэн жүжгийн цомнол хэдийг бичлээ. “Хөмөргөн гурвалжин”, “Тамганы бүжигчин” гэж хоёр бүжгэн жүжиг маань тавигдлаа.

-ЮНЕСКО-гийн тайзнаа тавигдах гэж байгаа гэв үү?

-ЮНЕСКО-гийн дэлхийн конвенц гэж байдаг. Урлагийн язгуур эртний бүтээлүүдийн олон янз байдлыг хадгалан үлдээх гэсэн конвенц байна. Тэрэнд бүжгэн жүжиг маань сайхан нийцэж гэж ойлгож байгаа. Энэ оны арав, арваннэгдүгээр сарын үеэр “Хөмөргөн гурвалжин” маань тавигдах нь. Хөгжмийг нь “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Ариунболд туурвисан. Бүжгэн жүжгийг Энхгэрэл дэглэсэн. Анх би энэ жүжгээ археологичдын номоос санаа авч бичсэн юм. Сая өөрийн биеэр очиж Дэл уулын дөрвөлжин булшны хадны зургийг үндсэн эхээр нь үзлээ. Тэрийг үзээд дахин нэг том туульс болох нь гэдгийг ойлголоо. Одоо би хөмөргөн гурвалжнаа босгож “Босоо цагаан гурвалжин” болгоно. Ийм гурвалсан бүжгэн жүжиг юм. Монгол угсаатны соёл иргэншлийн үүсэл, өрнөл, мандал, бадралыг л харуулах гээд байгаа шүү дээ.

-Их гүүш Хатагин Го.Аким хадны зургийг харь гаригийнхнаас илгээсэн код, илгээмж гэж тайлбарлаад байгаа. Та болохоор монгол угсаатны ургийн бичээс гэх маягийн юм яриад, бүжгэн жүжиг туурвиад байх юм?

-Тэгэхээр ийм байна аа, миний хүү. Би бэлгэдэл зүй, тэр дотроо дүрсэн бэлгэдэл, дохио зангааны бэлгэдлийг олон жил судалсан. Хадан дээр байгаа дүрс, хүмүүсийн хөдөлгөөний биеийн хэлмэрүүд яг юуг заагаад байгаа юм бэ гэдгээс санаа авч, энэ тайллуудыг хийгээд байгаа юм. Хадны дүрс чинь цаанаа нэг танивар дохионууд байхгүй юу. Хөмөргөн гурвалжин гэхэд чинь уруугаа харсан гурвалжин тамга шүү дээ. Энэ чинь хар тэнгэрийн язгуур. Манай монгол бөөгийн харын хартай бөө нар бол хөмөргөн гурвалжин хэнгэрэг барьж, чонын арьсаар бүрж бөөлдөг уламжлалтай байсан. Энэ бүх Монголын бөө мөргөл, тайлга тахилгын соёл, бэлгэдлийн судалгаанууд чинь надад ийм уран бүтээлүүдийг гаргаж өгч байгаа юм шүү дээ.

-Та бөө мөргөлийн судалгаагаар дэлхийд танигдсан эрдэмтэн. Жинхэнэ тэнгэрийн улаач нартай тэнгэр болохоос нь өмнө уулзаж учирч явсан байж таараа. Одооны бөө зайрангуудыг та юу гэж бодож явдаг вэ. Жинхэнэ эрдэм билэгтэй бөө нар байгаа болов уу?

-Багаар бодоход хоёр янзын бөө нар байна. Яг өөрсдийнхөө өвгөдийн уламжлалыг аваад, хойч үедээ дамжуулан, одоо ч гэсэн голдуухан нууц байдалтай байдаг бөө нар байх. Тэрнээс гадна нийгмийн донсолгоон, долгисоон, зах зээлийн байдлыг өөртөө ашигтайгаар амин зуулга болгочихъё гэсэн нэг хэсэг хүмүүс байдаг. Тэд бол хуурамч бөө нар юм. Гэхдээ тэр бүхнийг шалгаруулдаг комисс гэж ямар байх биш. Судлаачаас өөр ялгаж салгадаг хүн байх биш. Тийм учраас өөр урсгал болоод явчихдаг тал бий. Энэ ч өөрөө нийгмийн нэг үзэгдэл.

-Та тэр мундаг тэнгэрийн улаач нартай уулзаж учирч, тамлага тахилгыг нь харж явсан хүний хувьд өөрөө бөөлж болохгүй юу?

-Тийм зүйл байхгүй. Би судлаач болохоос бөө хүн биш шүү дээ. Бөөгийн увдис гэдэг маань энгийнээр хэлбэл удам судар дамжсан, онгод тэнгэр тамгалсан хүмүүст наалдаж үлддэг ажил. Надад тийм зүйл байхгүй учраас би цэвэр судлаачийнхаа байр сууринаас хандана.

-Ардын багш цолоо авчихаад Баянхонгорын Баянбулагтаа очив уу?

-Яг үнэнийг хэлэхэд хараахан очиж амжаагүй явна. Ноднин яг явах гэж байтал эрүүл мэндийн учир шалтгаан гараад амжаагүй.

-Баянбулаг сум бөх сайтай нутаг юм даа. Харцага Д.Батболд, Золбоо нарын сайхан цолтнууд төрлөө?

-Болдын Эрдэнэхүү гэж бас нэг начин гарч ирж байна даа. Би залуу байхдаа Баянхонгорын Баацагааны бөхчүүд гэж их сонсч байсан юм. Улаан гуталт Нямжанцан эд нар гээд. Сүүлийн үед тэгсэн манай сумаас бөхчүүд төрж байгаад баярлаж л явах юм даа. Манай нагац ах Түмээдэй гэж дээр үед гайгүй сайн барилдаж л байсан юм гэнэ лээ.

-Түмээдэй?

-Төмөрбаатар гэж хүн байсан юм. Их сайн бөхчүүд байсан юм гэнэ лээ. Би бол тэр зүгийн авьяас чадвар тааруу хүн юм. Тэрнээс сайн бөхийн удам судар гэж манай суманд байна аа.

-Та ардын уран зохиолч Тангадын Галсанг багшаа гэдэг шиг санагдах юм?

-Их сургуулийн нэг ширээний хамгийн сайн анд минь Ламжавын Лувсандорж гэж яруу найрагч байсан юм. Лувсандорж бид хоёр өөрийнх нь шүлэгт “Ижилдээ хайртай үрээ даага шиг

Эгэмээ түшин дасалцсан нөхөд” байлаа. Лувсандоржийн хүндэлдэг уран бүтээлийн найз нөхөд гэсэн чинь эсэргүү зохиолч Тангадын Галсан, нөгөө муу нэртэй Чойном энэ тэр байдаг юм байна. Таван зуун айлаар л хөлөглөцгөөгөө л, архи дарс уугаад, шүлгээ дуудаж явдаг гэж сонссон. Би нэг жаахан хүүхэд тэр айхавтар томчуудыг бараадаад, шүлэг найргийг нь сонсоод явж байх үеэс л дотносож ахмад хүнийх нь хувьд үгийг нь сонсдог болсон доо.

-Чойном гуайтай бас уулзаж явав уу?

-Үгүй ээ, одоо би тэгж муухай худлаа яриад “Чойномын найз байсан. Нөхөрлөж явсан” гэж хэлэхгүй. МУИС-ийн оюутны байранд туранхай, сахалтай хүн манай дээд ангийн төгсөгч Чулуунбазарын өрөөгөөр хонож өнжөөд явж байсныг харж байснаас бишээр сайн мэдэхгүй. Цаанаа манай Лувсандорж, Галсан багш эдний л хамсаатан байсан юм шиг байгаа юм.

-Таны шавь нараас итгэлийг чинь өвөрлөх хэн хэн байна?

-Яруу найргийн чиглэлээр МУИС-ийн багш Дагийраазын Нямдорж гэж маш их онгодтой, мэдрэмжтэй яруу найрагч хүү бий. Тэр шавийнхаа шүлгийг би их таашаадаг. Надад их олон сонин бодол төрүүлдэг. Жижигхэн бясалгал шүлгээс нь их бодол ундардаг. Судлаачдаас миний шавь нараас нэг африк залуу байна. Монгол хэлийг ёстой ус цас шиг сурсан хүн дээ. Монгол хүн ичмээр ярина даа. 2017 онд Боннын их сургууль дээр таараад “Бага бол ихийн эх. Багш бол шавийн эх” гэж хадаг, номоо өргөн барьсан даа. Монголын соёлыг судалдаг африк гэж би өөр хүн дуулаагүй. Миний тэр шавь л байх шиг байгаа юм.

-Та СУИС-иас гадна хаана бас ажиллаж байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэдэг байгууллагын даргаар тавдугаар сард томилогдсон. Зөв бичих журмын толь гаргалаа. Хэлний бодлогын баримт бичиг дээр одоо ажиллаж байна.