Categories
мэдээ соёл-урлаг

Г.Пүрэвдагва: “Увертура” хамтлаг бие даасан хоёр дахь тоглолтоо ирэх намар толилуулна

Увертура” хамтлагийн ахлагч, дуучин Гочоогийн Пүрэвдагватай уулзаж уран бүтээлийн яриа өрнүүллээ.

Танай хамтлагийнхан сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Манай хамтлаг он гарсаар хэд хэдэн дуугаа бичүүллээ. “Морин хуур” наадмын шилдэг арван дуугаар төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ гуайн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын багш Насанбатын аялгуу “Манан” дуу маань шалгарсанд баяртай байна. Саяхан “Анир” студийн маань продюссер, соёлын тэргүүний ажилтан Алтанхуяг ахын хөгжим, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Даваасүрэнгийн Ган-Очирын шүлэг “Хөх тэнгэрийн Монгол” дуун дээр ажиллаж байгаа. Ноднин жил Алунгоо эхийн сургаалийн баяр болох үед гаргасан дуугаа, “Хөх тэнгэрийн Монгол” дуутайгаа дүрсжүүлэхээр ажиллаж байна даа. Ирэх намраас Алтанхуяг ахын хөгжмийг нь бичсэн нэг мюзиклээ үзэгчдэдээ толилуулна.

Анхны “Удиртгал”-аасаа хойш цомог гаргасан билүү?

-Хамтлаг үүсэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан “Удиртгал” цомгоосоо хойш цомгоо гаргаагүй. 2013 онд Улсын драмын эрдмийн театрт хоёр удаа, үзэгчдийн хүсэлтээр “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тоглосон “Төгсгөлгүй эхлэл” тоглолтынхоо DVD-ийг гаргахаар төлөвлөөд ажиллаж байна.

-“Төгсгөлгүй эхлэл” тоглолт чинь үнэхээр сайхан болсон шүү. Үзэгчид бүгд босоод арав гаруй минут алга ташин та бүхэнд хүндэтгэл үзүүлж байсан даа?

-Анх хамтлаг байгуулахдаа олон зорилт тавьж байсны хамгийн том нь монгол поп опера урсгалыг хөгжүүлэх гэсэн чин хүсэл байсан. Монгол поп опера зуун хувь оркестртой, зуун хувь амьдаар дуулаад, тайзны шийдэл нь шал өөрөөр шийдэж, драмчилсан маягаар тоглогдсон. Тоглолт маань маш сайхан амжилттай болсон. Үзэгчид арван минут тасралтгүй алга ташихад “баярлалаа” гэхээс өөр хэлэх ч үг олдоогүй. “Улаанбаатар палас”-ын концертын их танхим гэхэд бараг ерэн хувийн дүүргэлттэй байсан.

Төрийн шагналт Д.Со­сор­барам танай хамтлагийг их дэмждэг санагддаг?

-“Анир” студийн дэргэд 2009 онд “Увертура” хамтлаг байгуулагдаж байх үед Д.Сосорбарам ах “Үлэмжийн чанар” цомгоо гаргаж байсан юм. Тэр үед Со ахтайгаа бид танилцаад, Хонгор нутгийн хүний хувьд өнөөг хүртэл дэмжиж, сэтгэлийн сайхан гэрлээ хуваалцаж, уран бүтээлийн маань зам харгуйг засалцаж яваад туйлын баяртай байдаг. Гавьяат жүжигчин “том” Жаргалсайхан ахын аялгуу, Со ахын урын санд байдаг “Жамаас” дууг бид дуулж, хүмүүст нэлээд хүрлээ. Төрийн шагналт Б.Шарав гуайн “Илүү сартай зун” уран сайхны кинонд хийсэн аялгуунд Со ах үг зохиож “Цагийн аяс” гэж сайхан дуу бүтээснийг манай хамтлаг бас дуулсан.

-“Увертура” хамтлагийн дуулсан “Өнө мөнх эх орон”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Дөрвөн цагийн тал”, “Монгол минь тэнд бий” гээд бүх дуунууд хит болоод байдгийн нууц юунд байна?

-Биднийг гарч ирэх үед поп опера урсгалаар дуулдаг “Ньюанс” хамтлаг уран бүтээлээ туурвиж байсан. “Классик жем” хамтлаг байлаа. Бид дөрвийн хувьд Хөгжим бүжгийн коллежийг дуурийн дуулаач мэргэжлээр дүүргэсэн. Тиймээс мэргэжлийнхээ дагуу үндэснийхээ дуунуудыг поп опера чиглэлээр дуулж эхэлсэн. “Мандах нар” ардын дуу, Б.Шаравын “Өнө мөнх эх орон”, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын аялгуу, зохиолч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг дууллаа. Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгэнд аялгуу зохиолгож үзлээ. Төрөл бүрийн янз бүрийн туршилтуудыг хийж байна. Энэ бүхэнд цаг хугацаа, судалгаа маш их шаарддаг юм байна. Хамтлаг маань байгуулагдаад зургаан жил болох хугацаанд монгол поп опера чиглэлийг л бий болгох гэж хичээж, уран бүтээлээ туурвиж явна даа.

-“Увертура” хамтлаг “Анир” студийн дэргэдэх гэсэн хаягтай явдаг. Танай хамтлагийн продюссор Б.Алтанхуяг гэж ямар хүн байна?

-Польшид хөгжмийн зохиолч, найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн хүн. Орчин үеийн нийтийн дууны бараг наяад хувийн хөгжмийн найруулгыг хийсэн, сүүлийн үед олон дуу зохиосон, бүжиг, жүжиг, киноны хөгжим дээр ажилласан уран бүтээлийн туршлагатай хүн байгаа.

Хамтлагийнхан чинь нэг ангийнхан юм байна. Харин уг гарал хаанахын хүмүүс билээ?

-Л.Ренчинням маань Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул, хөдөөнөөс манай ангид ирж байсан. Атардээжийн Шинэбаяр маань Төв аймгийн Угтаалцайдам сумын гаралтай, хотод төрсөн хүн. Ж.Ганбаатар Өмнөговь угшилтай. Би аавынхаа нутгаар Баянхонгор аймгийн Заг сумынх гэж явдаг. Бид гурав хотын унаган хүүхдүүд л дээ. Бид дөрвүүлээ гэр бүлтэй. Шинэбаяр маань саяхан хүүтэй болсон. Ганбаатар удахгүй үрийн зулай үнэрлэнэ.

Аавынхаа төрсөн нутаг Загийн голд очиж байв уу?

-Бүүр жаахан хүүхэд байхдаа очиж байсан. Загийн голд аавтайгаа хамт сэлж байснаа сайн санадаг юм. Дурсгалтай сайхан үе байж. Аав маань одоо бурхны оронд одож дээ. Сүүлд Сономын Лувсанвандан гуайн ойгоор Баянхонгорын Хөгжимт жүжгийн театрт очиж тоглолт хийж байсан. Аавынхаа нутгаар тав тухтай очно гэж бодож явдаг даа.

-“Төгсгөлгүй эхлэл” тоглолтоо гадаад улс оронд толилуулахгүй юм уу?

-Тоглолтоос хойш олон хүн санал тавьж байсан л даа. Мэргэжлийн өндөр түвшинд симфони оркестртой тоглох бодолтой байгаа. Тэрнээс нэг жижиг шөнийн цэнгээний газар ч юм уу, тоглоно гэхэд тиймхэн байна л даа. Япон, Солонгосын үзэгчдэд монгол поп опера чиглэлийн тоглолтоо бүрэн хэмжээгээр толилуулах талаар арга сүвэгчилж л байна.

Уран бүтээл хийхэд эдийн засгийн хөшүүрэггүйгээр урагшаа явахад мэдээж хэцүү байж таарна?

-Хамтлаг байгуулагдахдаа “Анир” студиэ түшиглэсэн. Би энэ студидээ дууны инженер-найруулагч хийдэг. Уран бүтээл маань оргилж байдаг газар маань энэ студи. Энд бид хөгжмийн зохиолч, яруу найрагчидтайгаа уулзаж бүтээлээ амилуулдаг. Манай хамтлаг 2013-2014 онд “Төрийн банк”-ны элч хамтлаг гэсэн хамтарсан гэрээ байгуулж ажиллаж байгаа болохоор уран бүтээлээ толгой өвдөхгүй хийж байна.

Удаахь тоглолтыг чинь үзэгчид их хүсэн хүлээж байгаа даа?

-Хоёр дахь бие даасан тоглолтоо энэ жилийн арваннэгдүгээр сард үзэгчдэдээ толилуулахаар уран бүтээлийн ажилдаа ороод явж байна.

Анхны DVD, хоёрдахь цомгоо гаргахад бэлэн болчихсон, мюзиклээ бэлдээд явж байгаа гээд буцалж бужигнасан үйл хэрэг өмнө минь байж байна даа.

Л.Батцэнгэл

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Төрөлх хэлээ хайрладаг хүн л төгөлдөр утгыг ухаж чадна

Нэгэн худалдааны төвийн хажуугаар гарч явтал “Хямралын эсрэг сөрсөн базаа” гэх бичигтэй самбар байх юм. Эл дөрвөн үгийг яаж ч ухаж уншаад огт ойлгосонгүй. Сөрсөн базаа гэж юу гэсэн ч үг юм. Бөөндөж хямдруулахыг хэлээ юм болов уу гэж таамаглах аядав. Үндэсний хэлээ бид энэ мэт гажуудуулж боломгүй санагдах юм. Элдэв янзаар маяглаж ярьдаг хүнд хүмүүс “Хэлээ хазсан юм” гэж нэг нүдээр үздэггүйтэй адил ганган хээнцэр үгээр тоглосон яруу найраг, зохиол бүтээлд үгийн урчууд тийм ч таатай хандаад байдаггүй. Гоё ганган үгсээр бүтсэн зохиол бүтээл ч тэр бүр хүний сэтгэл зүрхэнд тусаад байдаггүй болохоор “Хамгийн сайхан ваарыг энгийн шавраар хийдэг. Хамгийн сайхан найргийг жирийн үгээр бичдэг” хэмээдэг биз.

“Сөрсөн базаа” гэснээс багын нэг явдал санаанд орж инээд ч хүрэх шиг. Нэлээд хөдөлгөөнтэй нэг хүү шилжилтийн насандаа охидод зүй бусаар хуруу гар хүрдэг шохоорхолтой болсон юм. Түүнийг ангийнх нь нэг охин “Базгамал” хэмээн хочилсноос хойш өдгөө ч тэр нэрээс салаагүй. Ямар сайндаа гэргийтэйгээ явж байхад нь зах дээр таарсан ангийнх нь залуу нөгөөхийг “Базгамал” гэж дуудаж нүүр хийх газаргүй болгож байхав. Бараа бүтээгдэхүүнээ арилжих гэхдээ сүржин сурталчилгаа зохиож олны анхаарлыг татах гэж байж төрөлх хэлээ гутааж байхаар товч бөгөөд тодорхой сайхан үгээр зарлал биччихвэл уг нь уншсан хүнд ч таатай сэтгэгдэл төрөх нь дамжиггүй.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Хорвоо ертөнц-цаг хугацаа хүмүүний “Хоосонг идэгч” ажээ

“Хоосонг идэгч” өгүүллэгийн би баатар Ганбаа ойн гүнд “ирж буй” цагийг хүлээн өлсөж хэвтэхдээ самар цөмөх жирх, хэрэмд атаархан, хамаг чадлаараа чулуу шидэвч өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгой дээр бууна. Зохиогчийн өгүүлснээр Ганбаа бол “өөрийгөө харах үйлийн үр-тольгүй эцэж туран, чих нь дэлдийж, шанааны яс босоод энэтхэг санваартан шиг болсноо мэдэхгүй байгаа” нэгэн. Өлсөж үхэх гэж байгаадаа үнэмшиж чадалгүй, амьдралынхаа тэрхэн хэсгийг зүүд болгох гэж, өөрийгөө итгүүлэхээр оролдон буй хүн. Тэр хүүхний дээд болсон сайхан хань, хэдэн сайхан үртэй хүн ч самар түүх шуналдаа хөтлөгдөн аглаг ойн гүнд гав ганцаар хоцрон өлсгөлөн ходоодныхоо эрхэнд хэрэм жирхтэй хөөцөлдөн ядарч байгаа эр хүн аж. Түүнд цатгалан цамаан үедээ жишим ч үгүй түлхэж холдуулсан хоолны үлдэгдэлтэй тавгууд нүүр дүүрэн инээмсэглэл шиг санагдан, нүдэнд нь мэлтэгнэн харагдахад жирх хэрмэнд уурласнаасаа ч илүү уур нь хүрэх ажээ. Тэрээр “Би өлсөхгүй байна” гэж бясалгал хийж буй юм шиг олонтаа давтавч шаналгаат зовлон нь “молиго оо” гээд эргээд ирэх шиг санагдан ухаан алдана. Хүний байгалиас өгөгдсөн биеийн болоод тамирын өгөгдөл ийм өчүүхэн юм. Ухаан алдаад сэргэвэл зэвхий саарал чоно нүүрийг нь долоох шахан урдаас нь ширтэн зогсох аж.

Өлсгөлөнгөөр тарчилж буй эр өөрийгөө чонын өмнө ямар хоолтой адилхан байгаа бол гэж төсөөлөх гэж оролдоно. Хэдхэн сарын өмнө хадам аавынх нь насны чалханд сайн гэж чанаж өгсөн чонын ходоод санаанд орж, өөрт нь хамгийн хайртай үзэсгэлэнт эхнэрээ бодоход дотрыг нь бялууруулж огиудас хүргэсэн хоол шиг санагдана. Тэр өөрийгөө чонын өмнө тавиастай бууз, хуушуур, цуйван, сэмжтэй шарсан элэг, бантангаар төсөөлж бодов. Гэснээ өөрийгөө самар байсан бол гэж бодно. Гэвч, тэр самар болж болохгүйгээ ухаарахын дээдээр ухаарав. Учир нь тэр нэг муу өчүүхэн махтай жирхийн үмх махыг идэх сэн гэж гурван өдөр хөөцөлдөөд, өнөө сульдаж ядран туйлдан хэвтэж байгаа билээ. Хэрвээ тэр самар болчихвол мөнөөхөн жирх түүнийг хээвнэг зооглож орхих учраас юунд самар болохыг хүсэх билээ. Тиймээс тэрээр бантан ч болтугай болж зэвхий саарлын ходоодыг баярлуулахыг хүснэ. Амьдралд тэр ямар ч үнэ цэнэгүй явснаа энэ л үед ухаарна. Үхсэнийхээ дараа өөрийг нь харамсан гашуудаж байгааг хардаг бол мөн догь оо. “Би ийм мундаг хүн байсан юм шүү” гэж нэг сайн хашгираад л, дэндүү сайхан байх сан.

Зэвхий саарал түүний бодлыг уншсан мэт тийм ч амархан зоогоо болгохгүй бололтой. Өлдөж сульдсан түүний нүдэнд үхсэн нэгнийхээ цогцсыг үүрч яваа шоргоолж харагдахад үхсэн шоргоолжноос илүү хэдэн хором урт насалж буй хувь тавиландаа талархана. Үхсэн шоргоолжноос урт настайгаа мэдэрсэн зүдэнг эр зүтгэж ятайсаар байж нэлээд өндийвөл, идэхээр анан буй чонын нүд сүүмийн алсарч, гүн ухаантны дүрийг бүтээж буй жүжигчин шиг харагдана. Чоно хүзүүгээ сунган цогнойж, амаа ангайлган улих гэснээ шилээ тэрүүхэндээ шөргөөн, сэрвээнийхээ үснээс оч үсчүүлээд малгайг нь зуун ойртуулж өгөх аж. Тэр малгай дээр хэн нэгний төлөө саналаа өгөхийг уриалсан бичиг байх бөгөөд сонгуулийн үеэр тараадаг хэрэггүй эд зүйлийн нэг байж. “Хэрэггүй малгайг хэрэггүй толгой л өмсөнө биз дээ”. “Хоосонг идэгч” өгүүллэгийн гол өгүүлэмж ийм. Хүний хорвоод хүн болж төрөөд амьтнаас ч долоон дор амьдарвал цаг хугацаа хийгээд хорвоо ертөнц гэдэг хүнийг огт оргүйд юу ч үгүй уусган үгүйсгэгч асар том ходоод юм гэсэн философийг зохиогч өгүүлсэн болов уу.

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсангийн 2009 онд хэвлэгдсэн “Хоосонг идэгч” шилмэл өгүүллэгийн түүвэрт “Унасан тэнгэр”, “Тайлан тоглолт”, “Сорвийн үнэ”, “Сатгал”, “Сүүлчийн шалгалт”, “Халзан зүрх”, “Гандангийн замаар”, Зүрх өвлөгч”, “Үнсэлт”, “Өр”, “Морь”, “Журай”, “Судрын нулимс”, “Тэнгэрийн цавчилт”, “Харанхуйлаг” зэрэг нэн шинэ сэтгэлгээтэй 19 өгүүллэг багтсаны нэг нь дээр өгүүлсэн “Хоосонг идэгч” бүлгээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Амралтын газрын тэмээ чихэр жимсэнд нугасгүй гэнэ

Нийслэлийн Хан-Уул дүүр­гийн нутаг дэвсгэр Богд уулын Ар Зайсангийн аманд орших “Чингэсийн хүрээ” амралтын газарт нэг тэмээ сар гаруй хэвтэж буй тухай мэдээлэл цахим орчинд түгсний мөрөөр өчигдөр очиж сурвалжиллаа.Биднийг очиход мөнөөх тэмээ амралтын хашаанд наран зүг харан хээв нэг хивж хэвтэх юм. Ойртон очвол ер босох шинжгүй, бөх, зогдорт гараа хүргэвэл сэвсэлж тургих шинжтэй номхон бор нүдээ дүрлэгнүүлж байна. Хамар нь хоёр ч удаа буйллуулж сэтэрснийг харахад нэлээд зовлон үзсэн шинжтэй. Бөх нь ширээ сайхан ханагар амьтан юм. Тус амралтын газар очоод буцаж байгаа таван залуу “Нөгөө фейсбүүкт зураг нь байсан үхэж байгаа тэмээ чинь энэ байна” гэсээр хүрээд ирлээ.

Тэгтэл “хэвтэрт орсон” тэмээ хүнд муугаа үзүүлэхийг хүссэнгүй бололтой өөрт нь ойртох гэсэн залуусыг гав гувхийн тургих маяг үзүүлчихээд огтхон ч тоосон шинжгүй хэвтсээр.

Харин амралтын газрын тэндээс “Наад тэмээгээ тайван байлгаач ээ” гэж хашгирах нь тодхон сонсогдов. Эзэнтэй нь уулзаж тэмээнийх нь лагшин тунгалаг эсэхийг асууя гэж бодлоо. Очвол тогооч бололтой хоёр охин, нэг бүсгүйн хамт байна. “Тэмээ чинь яаж байна” гэвэл “Чингэсийн хүрээ” амралтын газрын менежер Э.Болормаа “Наад тэмээ чинь манай амралтын газрын эрхээрээ хатсан ганц амьтан байгаа юм. Нийгмийн сүлжээнд л манай тэмээг зүгээр хэвтэж байхад нь үхэх гэж байна гээд зурагтай нь тавьчихаж. Өчигдөр Нийслэлийн шуурхай хурал дээр тэмээг маань өвчилсөн гэж хэлэлцсэн ч юм уу Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, хөдөө аж ахуйн газраас баахан хүмүүс ирж үзээд явсан. Наад тэмээ чинь зүв зүгээр. Хэд хэдэн телевизийнхэн хүртэл ирсэн. Манай тэмээ хэвтэж байгаад хоолныхоо цагийг болохоор хүрч ирээд гал тогооны цонхоор толгойгоо шургуулж байгаад хоолоо идчихнэ. Энд амрахаар ирсэн улс чихэр боов, шоколад, жигнэмэг өгнө. Чихэр жимсэнд бол хүүхдээс ч илүү дуртай. Хүн зураг авахуулж байвал дэргэд нь очоод сургуультай юм шиг зогсчихно. Энд ирээд арваад жил болж байгаа. Анх хаанаас авчирсныг нь би харин мэдэхгүй” гэж байв. Ямар зүйлээр тэжээдгийг нь асуухад “Тэрийг манай ахлах тогооч л мэднэ. Өнөөдөр ажилдаа ирээгүй байна” гэв.

Тэмээн дээр буцаж ирвэл баруун талаараа газар налаад бүүр хэвтээд өгч. Удалгүй унаатай хоёр залуу ирэхэд нөгөө тэмээ өндийж, бүүр босоод ирлээ. Нэг залуу машинаасаа бууж ирээд тэмээ сэвсэлж тургихыг ч тоолгүй зогдроос нь барьж, хоолойг нь илж байна. Дунд­говь аймгийн Өлзийт сумын уугуул Бямбаагийн Мөнхбаатар хэмээх эл залуу “Би тэмээний эх нутгийн унаган хүү. Цахим ертөнцөд энд нэг хөөрхий тэмээ хэвтээд байна гэхээр өөрийн эрхгүй сэтгэл өмрөөд хүрээд ирсэн чинь эв эрүүл сайхан амьтан байна ш дээ. Тэмээний иддэг гол хоол чинь харгана бударгана голдуу говийн чанар сайтай ч тачирхан өвс ургамал. Энд яахав энэ муу амьтан амралтын газрын хог новш, уут сав идээд бөглөрчихсөн юм байх гэж бодсон чинь гайгүй юм шиг байна. Өлзийт суманд 1975 онд улсын тэмээчдийн зөвлөгөөн болж байсан манай улсын хамгийн олон тэмээтэй сум. Тийм ч учраас манай хамаатны ах, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа “Тэмээний нутаг” яруу найргийн түүврээрээ 1974 онд Монголын зохиолчдын эвлэлийн шагнал хүртэж байсан юм билээ. Тэмээ өсгөсөн сумдыг урамшуулах “Мөнгөн буйл’’ шагнал бий болгоход 1973 оны гуравдугаар сард Дундговь аймгийн Өлзийт суманд Тэмээчдийн анхны баяр наадам зохион байгуулж тэмээний уралдаан, буйл зорох, бурантаг томох тэмцээн зэрэг шинэ ажлыг зохион байгуулсан байдаг. Тэмээгээ түмд хүргэсний учир манай Өлзийт сум мөнгөн товхтой мөнгөн буйлаар шагнагдаж, дарга Н.Намшир “Алтан гадас” одонгоор энгэрээ цоолж байсан түүхтэй” гэж ярьсан юм.

Биднийг ийн ярилцаж зогсоход хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон ширээ бөхт маань ганц хоёр хоргол унагалж хэсэг зогссоноо залхуурсан аятай ширман тавагтай хүнд хөлөө лагхийтэл нугалан хэвтээд хаврын наранд нозоорсон янзтай хивмэглэж, гоохгор хүзүүгээ ганайлган ийш тийш ширтэх аж. Тэнгэрийн хаяаны тэртээд сүүмэлзэх уудам говийн зэрэглээн дунд аварга заан мэт гуухалзаж явдаг эл амьтан хангайн сүр бараа ихт хадтай модтой уулын аманд нутгаа санан ижилгүйдэн гансарч байж ч магад юм. Энэ дашрамд нэгэн танилынхаа яриаг гэнэт санав. АНУ-ын Чикаго хотын амьтны хүрээлэнд найм есөн монгол тэмээ байдаг бөгөөд мань эрийг амьтны хүрээлэн сонирхож явтал нэг тэмээ үнэрлэж ирснээ торон хашааны цаанаас даган даган алхаж, нулимс бөмбөрүүлэн гунганатал буйлан үлдсэн гэдэг. Мөнөөх танил маань “Мал хүртэл хүнээс ухаантай байдаг юм билээ. Надаас яах аргагүй унасан нутаг нь үнэртсэн хэрэг” гэж байсан сан. Манайд л хэрэгждэггүй болохоос Америк болон баруун Европын өндөр хөгжилтэй улс оронд амьтны эрхийг хамгаалж жагсаал цуглаан болох нь ч олонтаа. Зэрлэг амьтад нь гэрийн тэжээвэр амьтан шиг хүн хараас ч үргэлгүй, зам харгуйгаар зорчин, хотын гудамж талбайгаар явж л байдаг. Харин амьтанд хүний хэрэглэдэг химийн бодисын хольцтой хоол унд өгөхийг хориглосон байдагчлан говийн гашуун ургамлаар хооллодог энэ тэмээ ч идээшиж амжилгүй хужир мараатай тойром бүрдээ санагалзан “нутгаа санахын өвчин”-д нэрвүүлэн хажуу бөөрөөрөө хавтгайлдан хэвтээ ч юм бил үү, хэн мэдэх билээ.

Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, буурал найрагч Пунцагийн Бадарч гуайн

“Тэмээ-таван хошуу малын минь нэг

Тэмээ- таван амьд эрдэнийн минь нэг

Тэмээ- таван тивийн улсаас манайд олон бий

Тэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий

Арслан, заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан

Айл, хүн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн

Амгалан, аварга хоёрын бэлгэдэл мэт биөтэй заяасан

Алтан дэлхийд тэмээ гэдэг сайхан амьтаан

Нээрээ би тийм ээ гэх шиг

Нэр нь хүртэл тэмээ” гэсэн сайхан шүлэг бий.

Усан нүдэн уяхан найрагч маань энэ шүлгээр 1988 оны “Болор цом” наадмын тэргүүн шагналын эзэн болж байсан. Монгол Улс 1975 оны мал тооллогоор 610 мянган тэмээ тоолуулсан бол 1985 онд 559 мянга, 1990 онд 537 мянган толгой тэмээтэй байж.

Малчдад мал очсоноор өссөн гэж хөөрөх хүн олон ч харамсалтай нь тэмээ гэдэг сайхан амьтан жилээс жилд цөөрсөөр байгаа нь нууц биш. 1990 оны үед хагас сая илүү тоологдож байсан тэмээ арван таван жилийн хойно гэхэд 254 мянга болтлоо хоёр дахин цөөрч, харин 2009 онд 277 мянга, 2014 онд 349 мянга болон өсөх хандлагатай байгаа аж. Тэмээ цөөрөх болсон шалтгаан нь махыг нь хиаман цехүүдэд шахах болсон, хүнсэнд өргөнөөр хэрэглэх болсонтой холбоотой гэхэд хилсдэхгүй. Малын хулгайчид гэхэд тэмээг бэлчээр дээр буудаж унагаад, фургон машинд хоёр гурваар нь татуургадаж ачаад явчихсан тохиолдол олон байдаг. Мал аж ахуйн орон, нүүдэлчин түмэн гэдгээрээ цээж дэлдэн бахархдаг монголчууд аливаа мал, амьтныг “хутга тавилгүй найрлах” мах гэж хардаг болохоос тэгтлээ хайрлаж хамгаалах талдаа дэндүү маруухан улс. “Үндсэн хууль”-ндаа “Мал төрийн хамгаалалтад байна” гэж өргөмжлөн сүржигнэх атлаа тэмээгээ “Улаан ном”-д бичигдтэл “ашиг шимийг нь бүрэн дүүрэн хүртсэн” нүгэл гэм яахын аргагүй бий.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эрхийн балай

Энд тэнд явж байхад манайхан шиг захаас аван эрхэлж жаргаж байгаа улс үндэстэн нэгээхэн ч байдаггүй юм билээ. Урд зүгт шороон түмэн хятад байж л байна. Эр, эм, хөгшин хөвөөгүй л борви бохисхийхгүй хөдөлмөрлөсөн улс. Эрээний лангуун дээр сууж байгаа наймаачин хүүхнүүд нь гэхэд л уутанд утас өнхчүүлээд, гар аргаар бээлий цамц нэхээд сууж байдаг. Тэгэхэд “Нарантуул” ч юм уу, захын нэг дэлгүүрт ороход манайхан хөзөр нүдээд, эрчүүд нь архи тойруулаад сууж байх бол энгийн үзэгдэл. Хятадад өвгөчүүл янз бүрийн цэцэг ногоо тарьж байр байшингаа өнгө өнгөөр алаглуулаад, өөрсдийн гараар бүтээсэн сайхан цэцэрлэг талбайдаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж залуу хүн шиг жавхалзаж байхад манай залуухан “хурган” өвөө эмээ нар байрныхаа гаднах сүүдрэвчинд даалуу шажигнуулж, хов жив ярьж, өвчин зовлон тоочоод, улстөржиж маргалдаад байж байдаг.

Европ зүгийн Орос, Португали, Герман зэрэг улс орны нисэх буудлаар нь дайраад өнгөрөх төдийд анзаарч байхад хүмүүсийн олонхи нь ном их уншиж байгаа харагддаг. Манайд одоо нийтийн тээврийн унаанд ном сонин гарчиглавал нүд нь орой дээрээ гарцгааж, ад үзэх шинжтэй юм билээ. Сүүлийн үед монголчуудын “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг сонгодог ойлголт устаж байгаа нь дэндүү харамсалтай. Ажил хийлгүй хөл хөсөр л хэвтэж байвал жаргал гээд ойлгочихсон улс. Үүнийгээ “хүний эрх, эрх дарх” гэдэг сүржин бамбайгаар хаацайлна. Энэ хорвоод амь зууж аж төрөхийн тулд шоргоолж гэдэг бяцхан амьтан хүртэл өөрөөсөө өчнөөн дахин хүнд ачааг нуруундаа үүрч явдаг. Ээж аавын хайранд буруу сагаж юу ч хийж сураагүй хүнийг “эрхийн балай” гэдэг. Манайхны зарим зан байдлыг анзаарахад нийгэм маань нэг л эрхийн балайд автаад байх шиг санагддаг юм.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баярсайхан: Илбийн урлаг ид шид биш эрсдэл ихтэй хөдөлмөр

Монголын илбэчдийн холбооны ерөнхийлөгч, соёлын тэргүүний ажилтан Цэрэнтогтохын Баярсайхантай уулзаж хөөрөлдлөө. Олон улсын илбэчдийн холбооны жинхэнэ гишүүн, Монголын циркийн урлагт хорин таван жил авьяас билгээ зориулсан эл эрхмийг “Монголын номер нэг илбэчин” гэлцэх юм билээ.

Манай улсад илбийн урлаг аль хэр хөгжсөн байдаг вэ?

-Манайд илбийн урлаг сайн хөгжсөн шүү. Харин илбэчид маань холбоо, байгууллагад л өмнө нь нэгдээгүй байсан. Би БНХАУ-ын Шинжинь хотод 2002 онд олон улсын илбэчдийн фестивальд оролцсон юм. Тэнд Хятадын илбэчдийн холбооны ерөнхийлөгч Дао Чи гуай надтай уулзаад “Монголд илбэчдийн холбоо байдаг уу, хамтран ажиллая” гэхэд надад хэлэх үг олдоогүй. Ингээд Монголын илбэчдийн холбоог 2010 онд байгуулсан. Хятад, Өмнөд Солонгос, Хонконг зэрэг Азийн бүх улс илбэчдийн холбоотой байдаг юм билээ л дээ.

Монголын илбэчдийн холбоо одоогоор хэдэн гишүүнтэй болоод байна?

-Манай холбоонд таван хүн байгаа. Эрдэнэтэд Баатар гэж надаас арай ахимаг хүн байдаг. Миний шавь Гантулга, Билэгт, Ганчөдөр гэсэн залуу илбэчид байна. Хуучин циркт ажиллаж байсан Даваахүү гэж хүн бий. “Авьяаслаг монголчууд” шоунд долоон илбэчин оролцох гэж байна гэж саяхан шавь маань надад хэллээ. Тэр хүмүүсийн үзүүлбэрийг харъя, дэмжье гэсэн бодолтой байна. Даанч манай монголчуудын нэг муухай чанар байдаг. Ижил төрлөөр амжилт гаргаж байгаа нэгэндээ ясны дургүй байдаг чанар. Уг нь бүгдээрээ атгасан гар шиг байвал амжилт улам л сайн гаргана аа даа. Яруу найрагч Цамбын Зоригтсайханы “Чиний чаддагийг би чадахгүй, миний чаддагийг чи чадахгүй” гэж нэг сайхан үг бий дээ. Тиймээс илбэ оролддог, илбийн үзүүлбэр хийдэг бол илбэчдийн холбоондоо нэгдээч ээ, нэгнээсээ их зүйл сураач ээ гэмээр санагддаг.

Танай холбоо чинь хаана байрладаг юм бэ?

-Төмөр замчдын соёлын ордон дээр байрлаж байгаа. Би сарын өмнөөс найман хүүхэд шавиар аваад сургаж эхэлж байна.

Илбийг хүмүүс ид шид, увидас чадвар гэж ойлгоод байдаг?

-Ид шид биш шүү дээ. Илбэчин болох хүнд юуны түрүүнд дур сонирхол, хүсэл мөрөөдөл л чухал. Тэгээд гар хурууны хөдөлгөөн, ой тогтоолт шаарддаг урлаг. Сайхан гар хуруутай мөртлөө ой тогтоолт муутай хүүхэд бол юм сурахгүй. Үзүүлбэрийнхээ дарааллыг хольж хутгах зэргээр сэтгэхдээ муу хүн бол сурдаг зүйл биш. Гоё сэтгэлгээтэй атлаа гар нь мойчихсон хүүхэд байна. Ялангуяа манай гэр хорооллын хүүхдүүдийн гар хар ажлын эрхээр эрт эвдэрчихсэн байдаг. Багаасаа мойчихсон гар бол эвлэж өгдөггүй.

Та багаасаа илбэчин болох мөрөөдөлтэй хүүхэд байв уу?

-Би Улсын циркэд 1988 онд хөтлөгчөөр орсон юм. Монголд илбэчин их цөөхөн. Тиймээс ажлын шаардлагаар 1991 онд алдарт илбэчин, Монгол Улсын гавьяат жүжигчин, нэрт илбэчин Хандсүрэнгийн Цэнд-Аюуш багшид шавь орсон. Багш маань төмрийн токарьчин байж байгаад 1941-1943 онд илбийн төрлөөр төгсөөд далан нас гартлаа илбэ үзүүлсэн гайхамшигтай хүн. Багшаас өмнө Улсын циркийг үндэслэгч, гавьяат жүжигчин Раднаабазар гуай илбэ хийж байсан. Багшаасаа өвлөж авсан энэ мэргэжил маань насны минь хоол болсон доо. Багшийн сүлбэдэг хайрцаг, битүү найман цагирагийг нэг нэгэнд нь гогцоолдох зэрэг гайхамшигтай үзүүлбэрүүдийг үзэгчид сайн санаж л байгаа. Багадаа цирк үзэж байхдаа багшийгаа ер бишийн хүн гэж бишрэн шүтдэг байлаа. Хожим багш шавь болоод ирэхэд тийм ер бишийн биш харин жирийн мөртлөө гайхалтай хөдөлмөрч, гайхамшигтай авьяастай хүн байсан.

Илбэ анх хаана үүссэн урлаг юм бол?

-Анх 1584 онд Францын Реженальд Скотт гэдэг хүн “Шулмуудыг номхотгох нь” гэсэн ном бичсэн байдаг. Илбэ гэдэг үнэхээр бурханаас заяасан ид шид үү, эсвэл шулмын хорлол уу гэдэгт хариу өгч бичсэн байгаа юм. Тэгээд илбийг урлаг болгож анх тайзнаа үзүүлж эхэлсэн байдаг. Р.Скотт цагчин хүн байсан. Техник сэтгэлгээтэй, гарын ур дүйтэй, юмыг олон талаас нь хардаг хүн илбэчин болох магадлал өндөр юм байна гэж би боддог. Францаас ирсэн найз илбэчин маань “Хүмүүс надаас илбэ сурахад амархан уу гэж асуухад би “Эхний зуун жилд их хэцүү” гэж хариулдаг” гэж байсан нь тун үнэн үг шүү. Илбийг хүн насан туршдаа сурдаг урлаг юм даа. Би 2005 онд илбийн дугуйлан хичээллүүлж байснаас “Авьяаслаг монголчууд”-д оролцож буй Гантулга, Америкт байгаа Манзушир хоёр л илбэчин болсон доо. Илбэ гэдэг танхимын сургалтаар биш шавь сургалтаар сурдаг урлаг.

Та сургалтын төв нээгээд шавь нартаа илбэ зааж байгаа гэлээ. Хэд орчим илбийн үзүүлбэр зааж өгдөг вэ?

-Манай шавь нар сар гаруй сурч байна. Энэ хугацаанд арван хоёр үзүүлбэр сурчихаж байгаа гэсэн үг. Цаашдаа хөзрийн, гар дахь юм алга болгох зэрэг нарийн үзүүлбэр сурчихна. Яваандаа найман минутын бүтэн номер тавьчих хэмжээний болчихно. Сурсан эрдмээ хөгжүүлэх эсэх нь тухайн хүүхдийн л шийдэх асуудал. Илбийн хамгийн гол амин сүнс, үнэ цэн чинь нууцлал шүү дээ.

Японы их зохиолч Рюноскэ Акутагавагийн “Ид шидийн гайхамшиг” хэмээх өгүүллэгт илбэчинд шавь орсон нөхөр шуналаасаа болоод тэр дороо мөнөөх увидас нь алга болдог тухай гардаг. Илбийг муу санаатай хүнд заагаад өгчихвөл буруугаар ашиглах тал байна биз?

-Социализмын үед илбэ их хаалттай байсан. Үр хүүхэд, ач, зээдээ л зааж өгдөг байсан юм билээ. Цэнд-Аюуш багшийн хүү Алтанхуяг гэж мундаг илбэчин байлаа ш дээ. Харамсалтай нь багшийг амьд ахуйд цэл залуугаараа нас барчихсан. Багшийн илбийн урлагийн залгамж тасрах гээд байж л дээ. Энэ үед шавь нь болъё гэж олон хүн очсон байгаа юм. Бүүр арван мянган төгрөг өгье, шавиа болгооч гэсэн хүн хүртэл байсан гэдэг. Тухайн үеийн арван мянган төгрөг гэдэг чинь машины үнэ байлаа ш дээ. Би циркээс гараад “Варьете” чуулгад найруулагчаар ажиллаж байлаа. Варьете гэдэг чинь цирк, эстрадын урлагийн цогц шүү дээ. Циркээс илбэчин авъя гэхээр цалинг нь голоод ирэхгүй. Ингээд чуулгаас илбэчний сургалтын төлбөр гэж хоёр мянган төгрөг гаргаж өглөө. Хадаг сүү барьж очин багшдаа шавь орсон түүх ийм. “Та яагаад намайг шавиараа сонгосон юм бэ” гэж хожим багшаасаа асуухад “Хүнийхээ хувьд чамайг олз хайгаад байхгүй гэж бодсон” гэж байсан. “Баяраа зах дээр суучихаад гурван шаариг аяган дотор бөмбөрүүлээд, хүн луйвардаад байхаар хүн биш” гэдгийг багш маань олж харсан байгаа юм. Муу санаатай хүнд илбэ заавал маш аюултай. Илбэчин хүн чинь үзэгчдийн халааснаас гар утас, хэтэвч, цаг гээд аль л үнэтэй цэнэтэй бүхнийг нь аваад халаасалчихсан байдаг биз дээ. (инээв. сур)

Тэр эд зүйлсийг нээрэн яаж мэдэгдэхгүй аваад байдаг юм бэ?

-Нэгдүгээрт, гарын хөдөлгөөнөө сайтар ашиглаж байна. Хоёрдугаарт, нөгөө хүнийхээ сэтгэхүйгээр тоглож, уймруулж чадаж байна. Илбийн хамгийн гол зүйл чинь л хүний сэтгэхүйгээр тоглох шүү дээ. Хүн чинь их гэнэн амьтан. Хүн л анзаардаггүй болохоос нүд цавчихын хооронд маш удаан хугацаа ш дээ. Халаасны алдартай хулгайч нар автобусанд нэг талаараа мөрлөж хүний анхаарлыг татаж байхаа нөгөө талынх нь халаасыг ухчихдаг. Хүн дайраад байгаа тал руугаа л анхаарлаа хандуулахаас эсрэг талаа мартчихдаг байхгүй юу.

Монголоос олон улсын наадамд илбэчид явж байсан болов уу?

-1977 онд манай багшийн хүү Алтанхуяг Чехословак улсад болсон Карлварын олон улсын илбэчдийн тэмцээнд оролцож байсан юм билээ. Түүнээс хойш 30 жилийн дараа Шинжиний наадамд би оролцсон. Хятад, Солонгосын илбийн урлаг янзын л хөгжсөн юм билээ.

Илбэ үзvvлэхэд хар зураг гаргадаг уу. Ер нь бэлтгэлээ яаж хийх вэ?

-Өөрөө бодож сэтгэж, техник хэрэгсэл ашиглах томоохон илбэ бол хар зураг гаргаж, аппаратур хэрэгслээ бүтээнэ. Үзүүлбэрээ бэлдэхдээ би өрөөнийхөө хаалгыг дотроосоо түгжээд хэнийг ч оруулахгүй ганцаараа хийдэг. Манай зарим ажилчид их гайхдаг юм.

Алчуур сэгсрээд л тагтаа, туулай гаргаж ирснээ шүхэр болгоод байдаг. Хүний гарын хурдан хөдөлгөөнөөр энэ бүхнийг хийж үзүүлдэг гэж үү?

-Хүн олж харахгүй л байх ёстой. Хэрвээ энэ үзүүлбэрийг удаан хийвэл хэнд ч ойлгомжтой ш дээ. Тэгээ л нэг шүхэр энд тэндээсээ гаргаж ирээ л зогсоод байвал ямар ч утгагүй шүү дээ. Илбийг хүмүүсийг гайхширтал гоё л үзүүлэх учиртай.

Илбэчний тухай кинон дээр хутга шидэх үзүүлбэр хийж байхдаа хайртай бүсгүйгээ хөнөөчихдөг шиг эрсдэл их байна биз?

-Цирк бол эрсдэл гэсэн үг байдаг. Илбийн урлаг циркийн нэг төрөл учраас эрсдэл ихтэй. Дохио зөрөх асуудал байна. Цахилгаан хөрөө хархийтэл бууж байгаа үзүүлбэр л гэхэд тоглогч байрлалаа олоогүй үед хөрөө буучихвал хэцүү биз дээ. Илбийн түүхэнд хутгалаад алчихсан, хөрөөдөөд хөнөөчихсөн, сүлбээд егүүтгэчихсэн тохиолдол зөндөө байдаг. Амьтан сургагч арслангаа торноос алдаад хүн бариулчихсантай адил эрсдэл маш их. Тиймээс илбэчин хүн маш нямбай, сахилга хариуцлагатай байх хэрэгтэй. Илбэд нэг л алдаа гаргавал нэр нүүрээ шалан дээр шороотой хутгахтай адил гэж би шавь нартаа хэлдэг юм.

Циркийн алтан үеийнхнээс хэн хэнтэй хамтран тоглож байв?

-Алиалагч Батсүх бид хоёр тоглолтод олон удаа хамтарч байсан. Латиф, Цээеэ нартай ч тоглож л байсан.

Таныг илбийн мастераас гадна олон сайхан дууны шүлэг бичсэн хүн гэж сонссон. Ямар бүтээлүүдтэй билээ?

-Гавьяат жүжигчин, дуучин Оюунбилэгийн дуулсан “Инээцгээе хүмүүс ээ, инээцгээгээрэй”, “Зүүдний цагаан хун”, Хатанбаатарын дуулсан “Цэцэг ичээм”, Г.Эрдэнэбат гавьяатын дуулдаг “Миний хань”, гавьяат Төмөрхуяг, гавьяат Уранчимэг нарын хоёр өөр аяар дуулдаг “Хайранд шингэсэн орчлон” зэрэг нэлээд дуу байдаг юм.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Үржингийн Хүрэлбаатар: Намдаг багш маань цагаадсан өдрөөсөө Буяннэмэхийгээ цагаатгуулах гэж гүйсэн дээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн ухааны доктор, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт утга зохиолын судлаач, шүүмжлэгч, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт яруу найрагч, Дэлхийн Хайкугийн хол­бооны жинхэнэ ги­шүүн Үржингийн Хүрэл­баатартай уулзаж хөөрөлд­лөө.

-Та саяхан Монголын анхны хайкугийн гурамсан номуудынхаа нээлтийг хийсэн. Хаврын улирал гэлээ ч яруу найргийн ургац арвин байна даа?

-Монголын утга зохиол, яруу найраг даяаршиж байна. Үндэстэн үндэстний өөрийн онцлогтой яруу найргийг нэлээд судалсан. Монголын яруу найраг бол давтагдашгүй шүү дээ. Японы хайкуг судалж үзэхэд манайд ихээхэн дэл­гэрлийг олсон ч жинхэнэ утгаар нь ойлгож хайку бичсэн хүн цөөхөн санагд­сан. Би Дэлхийн хайкугийн холбоотой 2011 онд холбог­дож жинхэнэ гишүүн болсон. Монголд залуучууд болоод цахим ертөнцийнхөн бүгд хайку бичдэг болчихсон. Энэ их дэлгэрлийг олсон ч буруу хөгжвөл утгаа алдана. Тиймээс би сонгодог хэлбэрийг нь ашиглаад монгол агуулгаар баяжуулан “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын нээлтээ хийхэд Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн “Мэижи” их сургуулийн профессор Банья Нацуиши ирж оролцлоо. Хайку шүлгүүд маань орос, англи, япон, монгол хэлээр кирилл, уйгаржин, ханз, латин үсгүүдээр хэвлэгдэн гарснаас гадна “Чөдөр гурвалжин”-гаас маань 50 хайку Будапештэд ном болон хэвлэгдэж уран бүтээлчийн жаргалаа эдэлж байна даа.

-Таны уран бүтээлд дууны яруу найраг голлодог. Олон ч сайхан дуугаар тань ард түмэн таныг мэднэ?

-Миний уран бүтээлийн чиглэл дууны яруу найраг яах аргагүй мөн. Хойшид ч хэвээрээ л байна. Өчигдөр хүртэл Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Зууны манлай эстрадын дуучин” алдраа амьдралаараа ч, авьяасаараа ч ам бардам авч яваа гавьяат жүжигчин Б.Сарантуяа хоёртойгоо “Зоргоороо амраг минь” гэсэн дуу хийлээ. Энэ сарын 20-нд болох төрсөн өдрөөрөө Сараа дуулна. Дуу бол хүний сэтгэлд хүрэх хамгийн дөт зам гэж би хэлэх дуртай.

-Утга зохиолын суд­лалаар та хийсэн юмтай хүн. Шүүмжлэгч, судлаач хүн яаж яваад яруу найрагт урвачихав?

-Миний унаган мэргэжил бол утга зохиолын судлаач. Багшийн дээд сургуулийн оюутан байхаасаа “Эх бүрдийн домог”, “Хүний амь”, “Хонины найр” зэрэг олон кино, концертын шүүмж бичиж эхэлсэн. Сургуулийнхаа монгол хэл, уран зохиолын анги төгсүүт намайг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт театр судлаач эрдэм шинжилгээний ажилтнаар татаж авч байсан. Судалгаа хийхийн хажуугаар шүлэг бичнэ. Утга зохиолын судлал шүүмжлэлийн багш эрдэмтэн Ц.Мөнх маань “Чи ерөөсөө зохиол бичиж болохгүй, зөвхөн шүүмжээ бич. Та нар өөрсдөө шальдар бульдарюм биччихээд хүн шүүмжилнэ гэж байхгүй” гэж хориглосон юм. Тэгсэн мөртлөө багш маань хүүхдийн зохиол бичнэ ээ. Бид цаагуураа “Багш өөрөө зохиол бичээ л байх юм” гэлцэнэ. Тэр “бод, судал” гэсэн маш хатуу, бас зөв шаардлага байсан юм билээ. Тэр үед хослуулж бичсэн бол шүүмжлэгч ч биш, шүлэгч ч биш болох байсан. Ерэн он гараад би багшаасаа “Ядаж хэдэн дууны үг бичмээр байна” гэж гуйсан юм аа. Тэгэхэд “Чи одоо шүлэг бичиж болно” гэж зөвшөөрсөн. Дууны шүлгийн мастер Л.Дагвадорж гуай манай өрөөнд их ирнэ. Нэг өдөр ширээн дээр маань байсан шүлгүүдийг үзчихээд цаасан дээр нэг юм биччихээд гараад явлаа. Үзсэн чинь “Дуулж жаргаж явсуу” гэж номын оршил шахуу юм бичиж. Сониндоо Дагвадорж гуайн үгийг оршил болгоод хэдэн шүлгээ тавилаа. Хөгжмийн зохиолчид ч аялгуу зохируулж, өөрийн гэсэн дуутай болж урам орсон доо. Иймээс би тэр их хүнийг уран бүтээлийн багш гэж боддог. Дууны шүлгүүдээ хоёр жилийн өмнө тоолоход дуулагдсан нь гэхэд хагас мянга болсон байсан шүү.

-Таныг Монголын хүүрнэл үгийн их зохиолч Донровын Намдаг гуайн гарын, гэрийн сургуулийн шавь нарын нэг гэж сонссон?

-Манай Урлаг судлалын секторын эрхлэгч нь Соёлын яамны сайдын үүрэг гүйцэтгэж байсан их эрдэмтэн Сономын Лувсанвандан гуай байсан. Театр судлалыг хариуцсан ганц хүн нь би юм чинь амьд нэвтэрхий толиудтай уулзаж суралцахаас аргагүй болж байгаа юм. Тэгээд зохиолч Д.Намдаг багш, аугаа жүжигчин, найруулагч Дэндэвийн Чимэд-Осор нараас салахгүй. Эхнэр хүүхэдгүй залуу ганц хүн чинь цүнхээ шидчихээд л аль нэгнийх нь гэрт очоод гоё юм яриулаа л суучихдаг байлаа. Д.Намдаг гуайн гэрийн сургуульд би яг гурван жил суусан. Надаас хэдэн жилийн өмнө Д.Мягмар, Д.Батбаяр, Х.Зандраабайды тэргүүтэй зохиолчдыг жүжгийн зохиолч болгох гэж гэрийн сургууль хийгээд туршлага суучихсан байсан. Надтай хамт “Хөдөлмөр” сонины эрхлэгч С.Жамбалдорж, хөгжмийн зохиолч Мааяа нар сурч байсан. Чимэд-Осор гуай гучаад онд тоглож байсан дүрээ, партнёр дүрийнхтэйгээ хамтад нь ярьдаг гайхам­шиг­тай ой ухаантай хүн байлаа. Хоёр гурван сарын дараа сахилгагүйтээд асуухад яг текст хараад хэлж байгаа юм шиг шууд хэлнэ. Д.Намдаг багш, тэр хоёроос л би театр урлаг, жүжгийн уран бүтээлийн талаар асуухгүй бол өөр хэнээсээ ч асуух вэ дээ.

-Намдаг багшаасаа их зүйл авч хоцров уу?

-Нэг удаа багш маань “Их Нацагийг нутаглуулсан газрыг би чамд зааж өгнө өө. Дээр нь айл буучихсан байна лээ” гэж байсан. Хорин хэдхэн настай залуу байсан болохоор заалгаад авах ухаан ч байсангүй. Тухайн үед надад олдчихоор бэлэн унаа ч байсангүй. Түүнээс биш заалгаж аваад хоцорсон бол гэж харамсаж л явдаг юм. Багш намайг “Бичээд бай” л гэдэг байсан. Тэр бичүүлээд байсан юм нь надад их сургууль болсон доо. Хожим “Улаанбаатар” сонины эрхлэгч байхдаа “Д.Намдагийн туршиц, туурвил зүй” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалахад тэр бичүүлсэн зүйл нь бэлэн эрдмийн хишиг байсан даа. Тиймээс би багшийгаа шүтдэг юм. Д.Нацагдорж, С.Буяннэмэх нартай шоронд хамт байснаа ярина. “Шоронд байсан” энэ тэр гэж ярихгүй ш дээ, “золгүй явдал” гэж эерүүлж хэлнэ. Нацагдоржийгоо бичгийн ухаантай, ярианы хувьд тааруу, харин Буяннэмэхийгээ өв тэгш хүн байсан, хувьсгалын уран зохиолд өөрийгөө зориулаагүй бол Нацагаас илүү уянгын найраг туурвих байсан хүн гэж ярина. Өөрөө цагаадсаныхаа маргаашаас л Буяннэмэхээ цагаатгуулах гэж хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Гэргий нь надад “Өөрөө арайхийжялнаас салчихаад чи хүний төлөө зүтгэж байж одоо дахиад хийлгэчихнэ” гэхэд “Хийлгэсэн ч хамаагүй, энэ хүнийг л цагаатгуулна” гэж явж байж цагаатгуулсан гэдэг.

-Утга зохиолын “Гал” бүлгэмийнхээ тухай хүүрнэвэл сонин доо?

-Би “Гал”-ынхаа тухай зохиолчдын дурсамжаар бүтсэн “Бурхадын сархад” номонд тодорхой дурдсан байгаа. Яруу найрагч Бат-Очирын Сундуй, Дагвадоржийн Цогт, Соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёо, Жүмпэрэлийн Саруулбуян, төрийн шагналт зураач Ойдов, хэл бичгийн ухааны доктор Я.Баатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, дорнын их найрагч Данзангийн Нямсүрэн бид нарын өнөөгийн зэрэгт хүрсэн минь “Гал” бүлгэмийн маань л буян даа. Бид “Яавал энэ Урианхай, Л.Дашням, Б.Лхагвасүрэн нар шиг хэлтэй устай, соёлтой гайхамшигтай сэхээтэн болох вэ” гэж атгасан гарын хурууд шиг андалж нөхөрлөж явсан даа.

-Та нийслэлийн төв хэв­лэл “Улаанбаатарын мэдээ”, “Улаанбаатар” сонинд олон жил сэтгүүл­ч эрхлэгчийн албыг хашсан хүн. Монголд чөлөөт хэвлэл үүсэхэд таны хувь нэмэр их байж таараа?

-Миний амьдралын хэв маяг, зорилго маань сэт­гүүл зүйтэй салшгүй холбоо­той. ШУА-д гурван жил ажиллаад Улаанбаатар Хотын намын хороо, Хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төв хэвлэл “Улаан­баатарын мэдээ” сонинд татагдаж ирж ажилласан. Энэ сонинд гучаас дээш насны, хөдөлгөөн багатай хүмүүс байсан. Ганжууржав, Дашдорж, Галсангийн Жамьян гуай нарын ланжгарууд байсан. Урлаг соёл, хөдөө гадаа явах томилолтын бүх ажилд гүйнэ. Энэ сайхан сонинд ирж идэвхтэй ажилласнаас хойш гурван жил дараалан оны шилдэг бичлэгийн шагнал аваад, дөрөв дэх удаагаа авах гэж байхад “Намын гишүүн биш байж юун олон жил шагнал авдаг юм” гэсэн яриа гараад, намайг сонины хэлтсийн даргаар тавьж байлаа. Нэг сонин зүйл ярихад Ардчилсан холбооны үйл явцын тухай анхны сурвалжлагыг би хийж байлаа. Налайхын Соёлын ордонд цуглаан хийгээд Э.Бат-Үүл нар хөөгдөж гарч байлаа. Тэр өдөртөө Бат-Үүл рүү ярьж үзүүлээд гаргаж байсан. “Миний ерэн он” гэж нэг ном гаргах гээд бэлдчихсэн байгаа. Хэвлэлийн эрх чөлөөгүй үед бид хэвлэлийн эрх чөлөөний төлөө ингэж тэмцэж явлаа гэж би одоо залууст хэлдэг юм.

-“Улаанбаатар” сонины өөрийнхөө багийг хэдэн онд анх үүсгэн байгуулав?

-Ерэн оны тавдугаар сарын 16-нд анхны туршил­тын дугаараа гаргасан юм. Би “Улаанбаатарын мэдээ” сониндоо ажиллаж байсан л даа. Тэр жил би Хотын хурлын депутат болчихсон байсан. Улаанбаатар хотын төрийн байгууллагын анхны бөгөөд сүүлчийн сонины ерөнхий эрхлэгч нь би юм.

-Тэр үед танай сонин яруу найрагчид, сэхээтэн залуучуудыг их дэмждэг байсан санагддаг?

-Нийслэл гэдэг чинь оюуны, сэтгэлгээний, соёлын, залуучуудын төв гэдэг утгаар танин мэдэхүйн оюуны дугаар бэлтгэн гаргаж эхэлсэн. Б.Галсансүх тэр үед дөнгөж аравдугаар анги төгссөн л хүүхэд байж дээ. Гүр.Нямдоржийн “Хориотой жимс” найраглалыг “Сонин доторхи сонин” буланд тавихад тэр өдрийн дугаар үдээс өмнө ч болоогүй байхад дуусаж байлаа. Модернист зохиолч С.Анударийн бүтээ­лүүдийг тавьж байлаа. Нийслэлийн сонин гэж зөвхөн хотын хог новш л бичдэг сонин биш гэдгийг амьдрал дээр нотолсон. Мон­голын цагдаагийн төв хэвлэл “Нүгэл буян”, гаалийн “Алтан босго”, “Улаанбаатарын үдэш”, “Арга билэг”, “Утга зохиол урлаг”, “Цог” сэтгүүл, зар мэдээлэл, сурталчилгааны “Алаг шаазгай” гээд олон сонинг эрхлэн гаргаж байлаа. Нийслэлийн хэвлэлийн түүх гэж байдаг бол миний хувь нэмэр жинхэнэ утгаараа сонины ерөнхий эрхлэгч гэдгээрээ бичигдэх болов уу гэж бяцхан сагсуурдаг юм шүү дээ.

-Таны удирдлагад ажиллаж байсан залуус “Манай Хүрлээ эрхлэгч ч мужик шүү. Аар саар зан гаргаад арга хэмжээ авах гээд байдаггүй ганц шанаа өгчихдөг байж билээ гэж байхыг сонссон?

-Үнэн үнэн. Хүнтэй ажил­лаж байгаа нэг хэлбэр л дээ. Нэг алгадуулчихсан хүн сүүлд нь “Хэрвээ тэр үед та надад арга хэмжээ аваад явуулчихсан бол балрахгүй юу” гээд инээгээд ороод ирдэг юм ш дээ. Хотын сонины эрх­лэгч байхдаа мөн ч олон сайхан залуус голдуу эрчүүдтэй ажиллаж байлаа.Би эцэг эхээсээ арвуулаа, айлын хоёрдахь хүү болохоор дүү нарынхаа ааль аягийг тохируулаад сурчихсан хөдөөний хүмүүжилтэй л хүн байхгүй юу. (инээв.сур)

-“Улаанбаатар” сонины нэрэмжит Монгол Улсын арслангуудын нэрэмжит барилдаан гэж сайхан үйл явдлыг та санаачилсан даа?

-Аваргуудыг бол олон түмэн сайн мэддэг. Аваргуудын энтэй арслангууд нас нь ахьчихсан хэн ч мэддэггүй байх жишээтэй. Төв аймгийн Баянбараатаас хөтөлгөө морьтой давхиж ирээд улсын наадамд түрүүг аваад явчихсан Оргодол арслан, тэмээ өргөдөг Жамьяндорж арслан нарыг гэхэд ард түмэн домог мэт ярьдаг мөртлөө хэн ч таньдаггүй л байсан байхгүй юу. Арслан цолтон их цөөхөн төрдөг. Арслан ганц л төрдөг цолтон, мартагдчихсан арслангуудыг гаргаж ирье гэж туршилтын дугаараа гаргасан өдрөө хийсэн юм. Манай Говь-Алтай аймаг Батсуурь гэдэг сайхан аваргатай, олон заан, начингуудтай. Тэр арслангийнх нь орон зайг нөхье гэж бодсон хэрэг.

-“Хангарьд” шагналыг бас бий болгосон гэл үү?

-Одоогийн Улаанбаатар хотын сүлд чинь манай сонины лого байлаа ш дээ. Лхамсүрэн гэдэг хүн анх санаа гаргасныг сониндоо хэлэлцүүлэг болгоод яваандаа Мөнхжаргал дарга, Б.Энэбиш дарга нар сайшааж хотын хурлаар тогтоол нь батлагдаж байлаа. Надад хоёр жилийн өмнө “Хангарьд” шагналыг өгөхдөө энэ тухай дурдахад сайхан л санагдаж байсан.

-Та чинь “Улаанбаатар” сонины нэрэмжит гоц авьяастаны “Хангарьд” шагналыг анх санаачилж байсан байх аа?

-Эхний шагналыг жүжигчин Д.Сосорбарамд олгож, арслангуудын нэрэмжит барилдаан дээр хоёр өрөө байр өгсөн юм шүү. Со-д байр өгсөн гэж би матагдаж дуудагдаж байсан юм. Үүнээс хойш Өвөр Монголын дуучин Тэнгэр, дуучин Б.Сарантуяа, бөх тайлбарлагч Ганбаатар, яруу найрагч Б.Галсансүх, сэтгүүлч Б.Эрдэнэбаатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сумогийн Д.Батбаяр, Чингэс хааны дүр бүтээсэн Өвөр Монголын жүжигчин Дэлгэр нарт олгож байсан даа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Цэвэгмидийн АМГАЛАН: Аав минь НҮБ-д Монгол Улсаа элсүүлсэн тухай их бахархан ярьдаг байсан

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ууган гавьяат багш, эрдэмтэн зохиолч Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ их хүний хүү Монгол Улсын төрийн шагналт уран барималч Ц.Амгалантай уулзаж хөөрөлдлөө.

Таны аав Дондогийн Цэвэгмид гуайг нэртэй дипломатч, авьяас билэгт зохиолч байсныг Монголын ард түмэн сайн мэднэ. Уг нутаг нь Дорнод аймгийн хүн байх аа?

-Миний аав Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Хуасай овгийн хүн. Хуучнаар Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошуунд 1915 оны гуравдугаар сарын 26-нд Мойлт гэдэг газар төрсөн юм билээ. Ишбалжир багшийн бичсэн түүхэн сурвалжид Хуасай овгийг Алунгоо эхийн үед байсан монгол овог гэдгийг тогтоосон байдаг. Их том овог л доо. Миний өвөө Дондог гэж сахалтай хүн байсныг санах юм. Эмээ маань Рэгзэдмаа гэж нэлээд урт насалсан. Аав айлын долоон хүүхдийн хоёр дахь нь, дээрээ нэг эгчтэй хүн. Аавыгаа би уурлаж байхыг ганц ч удаа хараагүй. Тийм л уужуу хүн байлаа.

Аав тань нийслэл хотноо хэдэн настайдаа ирсэн юм бол?

-Баяндунгийн сургууль чинь Монголын анхны ууган сургуулиудын нэг. 1929 оны аравдугаар сарын эхээр арван гурван настайдаа Улаанбаатар хотод орж ирж Багш нарыг бэлтгэх сургуульд элсэж, шууд хоёрдугаар ангиас эхлэн суралцсан юм билээ. Улз хошууны бага сургуулийг тухайн үеийн сэхээтэн буриад өвгөчүүл нийлж байгуулсан байдаг. Бага сургуулиа аав онцсайн төгсөж ирээд Багшийн сургуулийн хоёрдугаар ангид орсон хэрэг шүү дээ. Улзын сургуулиас ардын зураач О.Цэвэгжав, төрийн далбааг хийсэн ардын зураач Чойдог, ардын багш Базар нарын аавын үеийн алдартнууд олон төрсөн байдаг.

Багшийн сургуулиа дүүргээд Увс аймагт томилогдсон байдаг билүү?

-Аав дурсамждаа “Багшийн сургуулийн олон эрдэмтэн, багш нарынхаа ачаар би нэлээд юм сонсож мэдэж авч, 1930 оны гуравдугаар сарын 26-ны өдөр тэр үеийн Ардыг гэгээрүүлэх яамны сайд М.Дугаржавын шийдвэрээр сургуулиа урьдчилан төгсөж түмэн бодисын багшийн мэргэжил эзэмшсэн” гэсэн байдаг. Багш болсон энэ өдрөөрөө өөрийнхөө төрсөн хугацаагаа тогтоож намтар түүхээ эхлүүлсэн байдаг. Тухайн үеийн Хар бологсдын сургуулийг ийн дүүргээд дөч гаруй хоног мориор явахдаа, замдаа даарч хөрч, ядарч л очсон гэдэг юм. Дөрвөд аймгийн сургуульд 1931-1932 онд багшилж байгаад ирэхдээ “Булшин дээр” найраглал, “Сурагч Ганбат”, “Хоньчин Найдан”, “Болд, Самбуу хоёр” зэрэг өгүүллэг, туужуудаа бичсэн гэдэг. Энэ тухай “Тавин жилийн дараа” дурсамж нийтлэлдээ тодорхой бичсэн байдаг.

Ээж тань хаанахын хүн билээ?

-Аав маань малчин гаралтай бол ээж сэхээтэн удамтай хүн байсан. Сэлэнгэ аймгийн чигийн, Улаанбаатарт төрсөн хүн. Ээжийн аав Нармай Монгол Улс байгуулах гэж явсан, наймаа арилжаа эрхэлдэг, өндөр боловсролтой хүн байж. Үүнээсээ болж 1930-аад онд хэлмэгдсэн байдаг. Миний ээж Долгорсүрэн “эсэргүүний хүүхэд” гэж хавчигдаж, сургууль соёлгүй зовж л явсан гэдэг. Орос сургуульд сурч байсан юм билээ.

Та эцэг эхээс хэдүүлээ вэ?

-Бид эгч, дүү гурвуул. Миний эгч Дэвээ одоо Америкт байна. Нөхөр нь Оросын сайн физикч хүн. Миний дүү Энхээ эмч.

Аав чинь зохиол бүтээлүүдээ хэдийд бичдэг байв?

-Гол гол зохиолуудаа залуудаа, гучаад оны үед бичсэн шүү дээ. Зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн бүлгэмд явж, их зохиолч Д.Нацагдоржид зохиол бүтээлээ үзүүлж харуулж явсан байдаг. 1929 онд бичсэн “Багшийн сургууль” шүлгээ их зохиолчид үзүүлж, дууны ая зохиолго гэсэн зөвлөгөөг авсан гэдэг.

Увс аймагт багшилж ирээд ямар ажил эрхэлж байсан юм бол?

-Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар Бичиг үсгийн түр курст багшаар ажиллаж, түмэн бодис, латин үсэг, тоо бодлого зэрэг хичээл зааж, Монгол Рабфак, Дорнодын Баянтүмэнгийн сургууль, Улаанбаатар хотын Үлгэр жишээ дунд сургуульд багшилж байгаад 1942-1945 онд МУИС-ийн Зоологийн тэнхимийн лаборантаар ажиллахын зэрэгцээ суралцсан. Аав манай улсын анхны гавьяат багш болсон хүн шүү дээ. Ингээд Москва хотын Ломоносовын их сургуульд аспирантаар суралцаж, биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалж, Монголын анхны эрдэмтэн болсон түүхтэй. Хойноос төгсөж ирээд МУИС-ийн Зоологийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны факультетийн декан, проректор, МУИС-ийн захирлаар 1953-1959 он, 1967-1972 онуудад хоёр ч удаа томилогдон ажилласан. Үүнээс хойш Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, БНХАУ, Индонези, Бирм, Камбож, Пакистан улсуудад суух Элчин сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайдаар ажиллаж байсан даа. АИХ-ын депутатаар есөн удаа сонгогдсон.

Цэвэгмид гуайг монголчууд НҮБ-д улсынхаа төлөөлөгчдийг тэргүүлж очсон түүхэн хүн гэдгээр сайн мэднэ дээ…

-Тэр үед НҮБ-д төлөөлөгчөөр явуулъя гэж бэлдэж байсан юм билээ. Эрдмийн зэрэг хамгаалчихсан, хэлтэй, бас улсдаа нэр төртэй хүн л очихгүй юу. НҮБ-д Монгол Улсаа элсүүлээд ирсэн хүнийг уг нь дээш дэвшүүлэх ёстой ёо доо. Тэгэхэд Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд хүнийг Хятадад Элчин сайдаар явуулна гэдэг тушаал бууруулаад цөлсөнтэй ялгаагүй юм болсон юм шиг санагддаг л юм. Аав гадаад дотоодод явж, юм үзэж нүд тайлсан хүний хувьд “Манай орон хэт бөглүү хаагдмал байна. ЗХУ-аас бусад оронтой харилцах хэрэгтэй” гэснээс болж нэг ёсондоо тушаал буурсан хэрэг. НҮБ-ын гишүүн улс орны төлөөлөгчид албан ёсны байнгын таван хэлээр ярих ёстой. Тэгэхэд Монгол Улсын төлөөлөгчийг монгол хэлээрээ илтгэл тавихыг зөвшөөрсөн нь бас л сайхан, гайхамшигтай үйл явдал шүү. Аавынхаа паргиадуу, буриад аялгатай, чанга сайхан дууг түүхэн цаг хугацааны цаанаас авчран санахад үнэхээр бахархмаар сайхан санагддаг юм. Аав маань НҮБ-д элссэн тухай яриаг хөдөө гадаа явах замдаа л их бахархан ярьдаг хүн байсан даа. Арга ч үгүй шүү дээ, улс нь тусгаар тогтнолоо баталгаажуулж авч байхад чинь хэн ч бахархалгүй яахав дээ.

Дилав хутагттай тэр үед уулзаж байсан болов уу?

-Дилав хутагт нулимс унагаж суусан юм гэнэ лээ. Аав харин уулзсан тухайгаа ер ярьж байгаагүй шүү. Бодвол үзэл суртлын хүнд хэцүү үед ярьж болдоггүй зүйл байсан болов уу.

Бээжинд Элчин сайд байхдаа Монгол Улсынхаа төрийн далбааг шатаалгаж байсан гэл үү?

-Төрийнхөө далбааг НҮБ-ын ордны өмнө мандуулаад баярлаж зогссон хүн удаа ч үгүй төрийнхөө далбааг Бээжинд шатаалгана гэдэг ямар олиг байхав. Аав 1962-1967 он хүртэл БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдын алба хашсан юм. Энэ таван жилийн хугацаа бол аюул түгшүүр, будлиан тэмцэл, түрэмгий халдлагын бэрх хэцүү үе байлаа. Маогийн “Соёлын хувьсгал” ид өрнөж, улаан хамгаалагчид манай Элчин сайдын яам руу олон удаа дайрч, дипломат болон техникийн ажилчдад халдаж байлаа. Тэд манай улсын далбаа бүхий Элчин сайдын машиныг шатааж, жолоочийг нь шоронд хийсэн байдаг. ЭСЯ-ны байр хэдэн сар бүслэлтэд байж, хоол хүнсгүй болж байсан үе ч бий. Улаан хамгаалагчид дайрч орж ирэхэд аав маань сандарч тэвдэлгүй тайван хүлээж авч, галыг намжаасан байдаг.

Аавыгаа Хятадад Элчин сайдаар очиход та хэдэн настай байв?

-Тэр үед би арав гаруй настай, энд орос сургуульд хоёрдугаар ангид сурч байсан. Юмны наадах цаадахыг овоо ойлгодог болчихсон байсан болохоор Хятадад байсан үеэ тод санадаг юм. Хятадууд бүгд ижил хар хөх даалимбан хувцастай , ялгах аргагүй хүмүүс шиг харагддаг байлаа. Биднийг очих үед хятадууд гадаад хүн гээдих сайхан харьцдаг байсан юм. Тэгтэл ЗХУ, Хятадын харилцаа муудаж, үүнийг дагаад Монгол ч Хятадтай муудлаа. Байдал эвгүйтэж буй нь бидэнд ч мэдэгдэж байсан. Сайхан харилцдаг байсан хүмүүсийн зан хувираад, дэлгүүр хоршоонд ороход авсан юмыг шидэж өгөх жишээтэй. Элчин сайдын жолооч л монгол, бусад жолооч, тогооч нар нь хятад хүмүүс байсан юм. Тэд ажил хаяж, бид өөрсдөө хоолоо хийж иддэг болсон. 1966 оны зун бүүр ширүүн байсан. “Цэдэнбалын нохойг тас цавчъя” гэж орилолдож, бид гарч, орж чадахгүй, сүүлдээ хоол хүнсгүй болсон үе ч бий. Манайх Зүүн Германы Элчингийн байртай зэргэлдээ, нэг ханаар тусгаарлагддаг байсан. Тэр ханаар дамжиж Зүүн Германы элчингийнхнээс хоол унд залгуулдаг байлаа.

Элчин сайдын жолоочийг барьж хорьсон гэдэг билүү?

-Аавын жолооч Даш-Онолт гэдэг хүн байлаа. Аавыг Элчин сайдуудын уулзалт, хүлээн авалтад хүргэж өгчихөөд буцаж явахад нь барьж хорьсон байдаг. Мао Зэ Дуны зургийг суудал дээрээ тавьсныг нь хараад “Дээр нь суусан байна” гэж буруутгасан гэдэг. Даш-Онолт гуайг нэлээд хэдэн сар шоронд суулгаад нутаг буцаасан.

Таныг уран барималч болоход аавын чинь уран бүтээлч чанар их нөлөөлсөн болов уу?

-Аавын уран бүтээлч нөлөө мэдээж тус нэмэр болсон л байх. Би багаасаа л зурдаг байв. Аавыг Хятадад Элчин сайдаар ажиллаж байхад ээж маань намайг дагуулаад Хятадын музейнүүдийг их үзүүлнэ. Хятадын уран баримал онцгой гоё шүү дээ. Энэ бvхэн нөлөөлсөн нь дамжиггүй. Эх орондоо ирэнгүүтээ зургийн ангид орж, 1971-1977 онд хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургуульд урлагийн гавьяат зүтгэлтэн М.А.Керзиний урланд суралцсан маань миний хувьд их зол завшаан болсон доо.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Нисч яваа шувуу шиг муугийн мөргүй амьдрах юм сан

Тэнгэрт нисэж байгаа шувуудыг харахад мөр огт харагдахгүй юм. Хий хоосон агаарт ямар юмных нь ч мөр үлдэх билээ. Газар дэлхийд харин хүний мөр үй олноороо хэлхэлдэн, хэрэлдэн, жим зам түмийг үүсгэсэн байнам. Хүний мөр үлдэхдээ сайн, муу янз бүрээр тодрон зурайх аж. “Түүхэнд л үлдэж байвал түймэр тавьсан ч яахав” гэсэн огтор бодолтой муу хүний үлдээсэн мөрийг хожим хойчийнхон нь жигшин муушааж байдаг. “Надаас хойш ертөнц сүйрсэн ч яамай” гэсэн бэртэгчин хааны нэрийг хүмүүс дурдахдаа элэг доогийн бай болгон эшилнэм. Энэ хорвоод амьдрах богинохон хугацаандаа сайн сайхны цэцэрлэгийг тарьж ургуулж л явах нь хүний эрхмээс эрхэм чанар байх учиртай мэт.

Хэн нэгийгээ гомдоож, шунал хүсэлдээ хөтлөгдөж, арван хар нүглийг үйлдвэл хожим хойч хэзээ нэгэн цагт мартахуйн харанхуй ангалд шидэж гэсгээдэг биз. Муу хүний үйлдсэн муухай бүхэн үеийн үед хараар дурсагдаж “яс нь өндөлздөг” гэх ухааныг монголчууд эртнээс үр хүүхдүүддээ сургамжлан захьж ирсэн. Сайн үйл хийсэн хүний нэрийг харин үргэлж сайн сайхнаар дурсаж, амьд ахуйнх нь сайхан чанарыг үе удамдаа өвлүүлэх гэж хичээдэг. Нисч яваа шувуу мэт муу муухайн хар мөргүй амьдрахад хүний амьдрал хэчнээн уудам, хэчнээн яруухан билээ.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Зүрх сэтгэлийн гэгээ оюутан ахуйн ангийнхан минь

“Нэг ангийнхан” буландаа С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийг төгссөн ангийнхныг сонголоо. Мянга есөн зуун ерэн дөрвөн оны есдүгээр сард баруун дөрвөн замын Барилгын техникум дээр байрлах тухайн үедээ Дорно дахины утга зохиолын их сургууль нэртэй байсан сургууль дээрээ хэл, бичгийн шалгалт өгч тэнцсэн хорь гаруй охин, дөрөв таван хөвгүүд билээ, бид. Манай сургуулийн захирал Монголын их зохист аялгууч С.Жамьянгаравын зээ хүү Пүрэвдорж, сургалтын албаны дарга нь соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын судлаач, шүүмжлэгч доктор, яруу найрагч Чойсүрэнгийн Дагвадорж нар байлаа.

Бидэнд оюуны их авшиг жинангаа хайрласан номын гэрэлт багш нар маань гэвэл их соён гэгээрүүлэгч, Монголын өмнөө барьдаг нэрт түвдэч, доктор, профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, төрийн шагналт зохиолч Ш.Гаадамба, Пүрэвийн Хорлоо, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам, С.Байгалсайхан, Шашны сургуулийн багш доктор Ш.Сонинбаяр, Буддын шашны багш Ч.Сүхцэрэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, хожим “Чингэс хаан” дээд сургуулийг үүсгэн байгуулсан түүхийн ухааны доктор Хөгөлбөөний Лхагвасүрэн, “гоо зүйн” хэмээн овоглогдсон Содовын Баясгалан, “Фараон” романыг орчуулсан Ч.Догсүрэн, “Дөлгөөн Дон”-ыг хөрвүүлсэн Б.Дашцэрэн нарын Монголын утга, соёлын томчууд юм. Биднийг гуравдугаар курст байхад яруу найрагч Сүхбаатарын Батмөнх сургуулийг удирдах болсноор Гончигсүм, Л.Баясгалан багш нар ч бидэнтэй аав, ээж мэт халамж хайраар хандах болсон билээ.

Намар хичээл эхэлсэн өдрөөс бид өрнө, дорнын гайхамшигт утга зохиолтой танилцаж, миний хувьд чухамдаа нэг оюуны цэнгэлэдэлж эхэлсэн гэхэд болно. Дашбалбар багш маань төрийн их албаны хажуугаар бидэнд хичээл орохоос гадна долоо хоногийн гурав дахь өдөр болгон Л.Түдэв, Ч.Галсан, П.Пүрэвсүрэн нарын мундаг зохиолчидтой уулзуулж, яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Т.Содномнамжил, Д.Ган-Очир зэрэг шавь нар нь даган ирж шүлэг зохиолоо уншин, заримдаа халуун маргаан дэгдээх ч удаатай. Манай ангийн охидын олонхи нь хөдөөнийх. Харин хөвгүүд нь надаас бусад нь хотынх. Зээрийн янзага шиг зэгзийж зэрмийсэн цагаан охин ам хэл гэж дийлдэхгүй, дэлхийн сонгодгуудыг ч их уншсан бололтой, их гал аа гал. Хөвгүүд маань надаас бишид нь тэр охинд дурлаж орхив. Намайг яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлгийг уншихаар мөнөөх охин их л дургүйлхэж, нэг өдөр хоорондоо ана мана үзэж тарав. Тэгэхнээ тэр миний хүндэлж явдаг агуу их яруу найрагч Очирбатын Дашбалбарын ууган охин Мөнгөндалай байсан юм санж. Би угаас эл сургуулийг сонгохдоо О.Дашбалбар хичээл ордог гэдгийг сонсоод шууд орсон байсан юм. Мөнгөндалай маань одоо “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах тоймчдын албаны даргаар ажиллаж байна. Зовох, жаргах хүмүүний орчлонд сэтгэл зүрхний гэрэл гэгээгээ хайрладаг найз минь миний багшийн охин байдаг билээ л. Шавираачийн Алтангэрэл хэмээх өтгөн хар халимагтай өндөр цагаан хөвгүүнтэй үй зайгүй нөхөрлүүлсэн оюутан ахуй цаг минь. Гэрлээ, Мөнгөө хоёр гэж манай сургуульдаа л гайхагдсан сайхан хосын хайрын түүхийг Ромео, Жульетта жүжгээс ч илүү би мэднэ. Нийслэлийн “Дөрвөн уул” радио, ЭМЯ-ны телевиз радиогийн редактор сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлсэн Алтангэрэл анд маань одоо үндэсний эрүүл мэндийн “Like” HD телевизийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Нэгэн үе тэрээр УИХ-ын гишүүн О.Дашбалбарын туслах, зөвлөхөөр ажиллаж байв. Гэрлээгийн маань ээж Увсын дөрвөд хүн. Цэвэр нутгийн аялгаараа дуржигнуулна. Үе үе тэднийд очиж Дууяа эгчийн яриаг сонсох мөн ч дуртай сан. Даваадоржийн Баяраа бол аав нь Сангийн яаманд ажилладаг, өөрөө утга зохиолд төдийлөн дуртай биш тийм хөвгүүн.

Хатанбаатар эмчийн хамаатан эл хүүгээс хүн байхын гэгээн мөн чанарыг олонтаа олж харсан сан. Дархан хотоос ирсэн Ганболдын Анхбаярыг анх харсан даруйдаа бид “Зургаан нүдэт” гэж хоч өгч байж билээ. Хар өнгийнхийг нь дээш сөхүүт харааны шил болдог нүдний саравчаа тэр байнга духан дээрээ тохож явдаг болохоор ийн нэрлэсэн хэрэг. Анхаа англи, түвд, орос хэлийг сайтар сурсан, мундаг гүүш болохоор хэлний авьяастан байсан. Дарханы “Лха” телевизийн захирлаар ажиллаж байгаад “Hos dog” хувийн студи байгуулан туурга тусгаарласан. Анхаа их хөдөлгөөнтэй, бас алиалагч шиг элдэвлэх дуртай нэгэн байсан бөгөөд нэгэнтээ самбарын өмнө гар хуруугаа гозолзуулан, хэл амаа гарган янз бүр болж охидын элгийг хөшөөх шахаж байтал Балбар багш ороод ирлээ. Анхаа мэдсэн шинжгүй бүүр янз бүр болж байтал багш амбаардчихлаа. Сандарч гайхсан мань эр самбарын өмнөөс арын ширээ хүртэл үсэрч бидний элгийг авах шахсан сан. Манай ангид шүлэг уран зохиолд шүлэнгэтэн дурлагсад нь ангийн дарга Хургаагийн Сүглэгмаа, Анандын Байгалмаа бид хэд байв. Хожим “Монголын үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, яруу найрагч Л.Өлзийтөгсийн төрсөн дүү Лувсандоржийн Эрдэнэмаа утга зохиолын талаарх яриа хөөрөөнд их элгэмсүү оролцоно. Түүнийг шүлэг бичдэг байсан байх гэж одоо ч бид харддаг юм. Тэрээр одоо Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байна.

Ангийн дарга Х.Сүглэгмаа маань дипломоо “Хуульч Сандаг” эрдэм шинжилгээний өгүүллээр онц хамгаалснаас хойш “Их Монгол”, МУИС-ийн харьяа Улаанбаатарын их сургуульд багшилж яруу найргийн “Буйд газрын шүлгүүд”, “Цаг хугацааны дэргэд”, “Нүүдэл” түүврүүд хэвлүүлж, “Монголын уран зохиол дахь “Үг” зохиолын төрөл зүйл”, “Халхын Хуульч хэмээх сэцэн Сандаг”, “Очирбатын Дашбалбар” зэрэг жинтэйхэн эрдмийн бүтээлүүд туурвиж, Өвөрмонголын эрдэмтэн Хишигтогтохын “Монголын эртний уран зохиолын шинэ судлал”, Ван Мандугаагийн “Монголын орчин үеийн уран зохиолын судлал шүүмжлэл” бүтээлүүдийг худам монгол бичгээс хөрвүүлээд байгаа юм. Яруу найрагч Х.Сүглэгмаагийн “Бурханаас нуусан амраг” дууг мэдэхгүй монгол хүн цөөхөн байх. Гавьяат жүжигчин Чулуунчимэгийн “Ээждээ дээжлэх дуу” ч түүний бүтээл. Сүглэг маань эрдмийн бүтээлээрээ докторын зэрэг хамгаалж, яруу найрагчийнхаа хувьд их зохиолч Д.Нацагдоржийн шагнал хүртсэн манай нэртэй уран бүтээлч билээ.

Догшин ноён хутагт Данзанравжаагийн ус нутаг дорнын говийн уугуул охин Анандын Байгалмаа “Эрхэсийн салхи” яруу найргийн түүврээрээ диплом хамгаалахад удирдагч багшаар ажилласан яруу найрагч О.Дашбалбар нь “Гэгээн бурхны ариун өглөг хүртсэн бүсгүй” гэж адислан ерөөсөн байдаг. А.Байгалмаа Монголын радиогийн “Хурд” агентлагт редактор, Гадаадын иргэн харьяатын газарт хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллах зуураа дээр нэр дурдсан номоос гадна “Бурхан нуусан нүд” түүвэр, “Гэгээн сонор” дуу, шүлгийн цомог гаргасан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч юм. Тэр “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингэс хааны дүрээр олны танил болсон гавьяат жүжигчин А.Энхтайвантай “Санасан шүү, чамайгаа” дуу зохиож, “Явлаа гэж чанга битгий хэлээрэй” ,хөгжмийн зохиолч Чинбаттай “Уучил”, гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Эвийн хоёр хайр” зэрэг олон сайхан дууны шүлгийг зохиосон авьяасын гэрэлт найрагч юм. Намуун уянгын гэрэлт найрагч Байгалаа эгч маань эдүгээ Дорноговь аймгийн номын сангийн эрхлэгчийн алба хашиж буй. Түүний “Эр хүн чинь уйлдаггүй юм аа, элгэн хад нурдаг юм аа” гэдэг шүлгийг манай хөвгүүд мөн ч олон удаа хамтран уншиж явсан даа.

Манай ангийн С.Оюун Бакула Ренбүүчийн хийдэд, Б.Оюунбилэг Баянхошууны хийдэд тус тус буяны үйл эрхэлж, Д.Энхсайхан гэж Завхан нутгийн охин Улсын цаг уурын хүрээлэнд нягтлангаар ажиллаж байгаа. Л.Энхмаа, Ш.Отгонбаяр, Б.Дулмаа нар ерөнхий боловсролын сургуульд түмний хүүхдэд эрдмийн гэгээ түгээж, Ц.Отгонтуяа, Н.Батжаргал нар хувиараа хөдөлмөр эрхэлж, Д.Намхайдорж, Н.Хандсүрэн, И.Уранчимэг нар хилийн чинадад ажиллаж амьдарч байна. Манай ангид МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Доржсэмбэ, сэтгүүлч Г.Машбат болон яруу найрагч Р.Эмүжиний ах Р.Соёлсайхан нар нэгэн үе суралцаж байсан. Ерэн найман оны хоёрдугаар сард хонхны баяраа хийхэд О.Дашбалбар багш маань Зуун айл дахь гэрт маань цэнхэр гитартайгаа ирж, ангийнхан маань шөнөжин дуулж хуурдаж байсан тэр л гэгээн дурсамж өнөө ч сэтгэл зүрхэнд дотнохон байна.

Л.БАТЦЭНГЭЛ