Categories
мэдээ спорт

“Хантайшир” галд улсын хоёр гарьд тэргүүтэй зуу гаруй бөх бэлтгэлээ базааж байна

Дэлхийд ганц монгол наадам дэнж хотойлгон эхлэх сайхан өдрүүд ойртох
тусам хүн бүрийн сэтгэлд халгисан цалгисан нэг л сайхан мэдрэмж төрнө. Тэр дундаа
эрийн гурван наадмын нэг бөхийн галаар энэ л үед очиход эр бяр амтагдах шиг, ид
хав бүрдэх шиг хийморь лүндаа аяндаа нэг сэргээд ирнэ. Бөхчүүд галаараа наадмын
бэлтгэлдээ гарсан сургаар Говь-Алтай аймгийн хүчтэнүүдийн “Хантайшир” бөхийн дэвжээг
зорилоо. Засагт ханы хөх харчууд хэмээн өөрсдийгөө нэрлэх дуртай Алтайнхан Чингэс
хааны аварга хөшөөт Цонжин болдогоос цааш долоон километр газарт орших Заан Тэрэлжийн
голын савд, “Мандал” амралтын газарт галдаа гарчээ. Энэ хавь бол Төв аймгийн Эрдэнэ
сумын нутаг. Заан Тэрэлжийн гол хөхрөн мяралзаад, хөндий талд хөх ногооны униар
татаж, дүнхийх уулсын арын модноо хөхөө хөвшөөд монгол хүний жаргалын улирал налайжээ.
Налайхаас цаашхи замд морь тарлаж байгаа ганц нэг хүүхдүүд ч таарч байна.

Биднийг “Мандал” амралтын газарт их үдийн алдад очиход бөхчүүд амарч
байгаад гарч ирсэн бололтой, үүргэвчээ мөрлөцгөөн голын зах руу унаа тэргэндээ сууцгаан
хөдөлж байх аж. Залуухан нэг нь харин бэлтгэл хийх дэвжээ бүхий зүлэг рүүгээ алхаж
таарав. “Хантайшир” дэвжээний ахлах дасгалжуулагч, улсын начин Доёдын
Бадрахтай уулзаж, бэлтгэлийн зүлэг ногоон дэвжээг зүглэцгээлээ. Бадрах начин бол
1990 онд Хэрлэнгийн Хөдөө аралд болсон “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн
даншиг наадамд тав давж начин цол хүртсэн, жудо бөхийн олон улсын хэмжээний мастер
цолтой Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат хүчтэн юм. Начин зүүн гартаа улаан
өнгийн япон хөгжим, нөгөө гартаа довцоглож сүлжсэн шар суран ташуур сагалдаргалан
барьсан харагдана. Улсын начин Д.Бадрах, Эрхэмбаяр нарын багш нараа хүрч очиход
шавь бөхчүүд нь цолныхоо эрэмбээр нэг эгнээ жагсан угтаж, дэвжээнийхээ сүлд тугийг
ишээр нь газарт хатгаж угтан авав. “Хан Тайшир”-ынхан энд сүүлийн найман жил наадмын
бэлтгэлд гарч байгаа бөгөөд Ганбаатар гарьд, Соронзонболд заан, Тогтохбаяр начин
гурав энд бэлтгэлжиж цол авч байсан гэдэг утгаар ихэд бэлгэшээх юм.

Монголын бөхийн холбооны тэргүүн Нямдоржийн хүү Ганбаатар Говь-Алтай
аймгийн Чандмань сумаараа овоглож, улсынхаа их баяр наадамд хорин зургаахан насандаа
үзүүрлэж гарьд цол хүртэн, өнгөрсөн жил шөвгийн дөрөвт үлдэж байсан аралтай, бяртай,
хамгийн гол нь барилдаан нь харууштай сайхан бөхийн нэг яах аргагүй мөн билээ. Гарьд
дэвжээнийхээ бэлтгэлд анх удаа ирж байгаа тул “Тугандаа нэг сайхан мөргөж тойроод
хийморио сэргээгээдэхье” гэж малгайгаа ёслол төгөлдөр духдуулан хангарьдын дэвэлтээр
хангайн мод шиг найганхан дэвж байна. Тэрээр арван гурван настай хүү Эрдэнээ дагуулан
ирж, нутгийнхаа бөхчүүдтэй ноцолдуулж байгаа гэнэ. Хүү нь аавынхаа арал чацыг өвлөсөн
сүрхий биерхүү хөвгүүн байна лээ. Энэ зуур дэвжээний багш Бадрах начин улаан хөгжмөө
хангинуулан алхаж, шавь нартаа бөхийн эрдмээсээ завсар зайгүй хуваалцаж алхана.

“Хантайшир”-ын бас нэг сайхан түшиг тулгуур нь яах аргагүй Эрхэмбаяр
начин юм аа. Тэрээр галынхаа бөхчүүдийг их бага гэхгүйгээр адилхан хандаж, өөрөө
зодог шуудгаа өмсөөд ноцолдож байна. Залуусыг гэнэдээд уначихаар дахин босгож ирээд
“Энэ мэхэнд ийм хариулт хий. Биеэ тэр үед сулла” гэх мэтээр алт шиг сургаалиа хайрлаж
байх юм.

Говь-Алтайн бөхчүүд одоогоос арваад хоногийн өмнөөс “Мандал”-даа
ирж, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, харцага Ж.Амартүвшин,
улсын начин Дугардоржийн Батбаяр, Лхагвасүрэнгийн Гантулга, Лувсандоржийн Цэрэнтогтох,
Шоовдойхүүгийн Тогтохбаяр, С.Багахүү, Ж.Лхагвадорж тэргүүтэй ная гаруй бөхчүүд бэлтгэлдээ
гарчээ. Одоо тэдэн дээр нэмж хорь орчим бөх нийлж, зуу гаруй хүн болох гэнэ. Энэ
зуу гаруй бөхчүүдээс тэн хагас нь аймаг, сумдынхаа наадамд зодоглоно. Говь-Алтай
аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, сумын заан Насанбат ч нутгаасаа
ирж бэлтгэл хийгсдийн нэг. Эдний гал руу очиж явах үед хэдэн машин зөрсөн нь Бат-Эрдэнэ
гарьд, Соронзонболд заан, Суманчулуун начин нар хот руу ажлаар явж байсан нь тэр
аж. Нэгэнтээ соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатартай хөөрөлдөж суухад
“Ш.Батсуурь аваргын өлгий манай нутгаас улсын арслан цолтон төрөөгүй байгаа учраас
би Монгол Улсын арслангуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг анх санаачилж байлаа”
гэж байсан бол Бөхийн холбооны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан нутгаасаа
арслан төрөхийг бэлгэшээж

“Алтай нутгийн бөхчүүдийг

Азын тэнгэр дуудна аа.

Ардын цэнгэл наадамд

Арслангийн даваа хүлээнэ ээ.

Засагт ханы бөхчүүдийг

Алдрын оргил дуудна аа.

Зартай наадмын хойморт

Аваргын дэвээ хүлээнэ ээ.

Хантайшир уул

Алсын бараатай.

Хантайшир дэвжээ

Аваргын гараатай” гэсэн сайхан үгтэй “Аваргын гараатай Хантайшир”
дууг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбабаяртай хамтран зохиосон
нь энэ галынхны сүлд дуу болжээ. Бадрах начин шавь нарынхаа барилдааныг сонирхож
сонжин алхах зуураа япон улаан хөгжимдөө анд Эрхэмбаярынхаа дуулсан, бас нийтийн
болон ардын сайхан дуунуудыг эгшиглүүлэх аж. Тэрээр “Бөхчүүдийнхээ сэтгэл зүйг монгол
наадмын зүлэг ногоон дэвжээний байдал орчинтой ойртуулж сайхан эгшиг тавьж өгдөг
юм” гэж байв.

“Хантайшир”-аас энэ жил улсын цолонд ойрхон бөхчүүдэд Цээл сумын
уугуул, “Монгол тамхи Со”-гийн бөх Д.Тангад, Бигэр сумын унаган хүү, аймгийн арслан
Ж.Алтаншагай, Чандмань сумын харьяат Балганы Хишигбаатар, улсын начин Шоовдойхүүгийн
хүү, Тогтохбаяр начны дүү, аймгийн хурц арслан Ш.Шинэбаяр, Халиун сумын харьяат
аймгийн заан Д.Буянт нарын олон сайхан шижигнэсэн залуус нэрлэгдээд байгаа. Чухам
хэн нь улсын цол авчихаад, төрийнхөө есөн хөлт цагаан тугийг түмний түрлэг доор
тойрч явахыг өнөөдөр хэн ч таашгүй. Тэд бүгд л өнгөтэй сайхан харагдаж байна. Бөхчүүд
өглөө босоод арван километрийн кросст гүйж ирээд, хүчний дасгалаа хийж, харин үдээс
өмнө, хойно хоёр ч удаа барилдааны бэлтгэлдээ орж хөлсөө гартал ноцолдоцгоодог аж.
Бэлтгэлийн дараа наранд сайхан бүлээссэн усанд тааваараа орцгоож, зарим нь далбаагаа
угааж харагдана. Саваагүйрхэн “Бөхийн өмсгөлөө хамаагүй угааж болдог юм уу” гэхэд
“Урсгал усанд угаахад ямар ч хорио цээр байхгүй. Угаахгүй бол өдөрт хоёр удаа бэлтгэл
хийхээр хөлсөнд нэвтэрч дарайгаад байх юм” гэцгээж байв.

“Хантайшир” дэвжээг Монгол Улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв
нар анх 2001 онд тулгын чулууг нь тулсан аж. Үүнээс хойш УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүнээр 2008 оноос
хойш долоон жил ажиллаад, хэдхэн хоногийн өмнө шинэ тэргүүнд тамга тэмдгээ хүлээлгэж
өгчээ. Дэвжээний тэргүүнээр одоо “Алтай констракшин” компанийн захирал, Монгол Улсын
тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ сонгогдож, дэд тэргүүнээр “Макс” группын
ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар,
“Макс” группын ерөнхий захирал, Монгол Улсын тод манлай уяач, Аж үйлдвэрийн гавьяат
ажилтан Д.Цэрэнжигмэд, “Гацуурт” компанийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан
Л.Чинбат, “Туушин” компанийн захирал Н.Зоригт нар сонгогджээ. Оны шилдэг дэвжээгээр
хоёр ч удаа шалгарч байсан “Хантайшир”-чууд ирж буй наадамдаа одтой сайхан наадах
аварга, арслангийн энтэй бөхчүүдийнхээ ирийг хурцалж, ид хавыг сорьж байгаатай цухасхан
танилцахад иймэрхүү байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Халхын их аваргатай овог, нэр адилхан бөх цэргийн начин боллоо

Одоогоос хэдэн жилийн өмнө Д.Кёкүшюүзан Батбаяр Арлын орон руу өсвөр насны бөхчүүд явуулахаар болж хэвлэлийн хурлыг нь сурвалжилсан юм. Арав гаруй хөвгүүнээс арай л нэг сэргэлэн цагаан хүүтэй хөөрөлдөж, овог нэрийг нь асуувал “Дашдоржийн Цэрэнтогтох” гэв. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Халхын их аваргатай нэр овог нь адил болохоор жаахан гайхасхийж нутаг усыг нь асуувал “Баянхонгор аймгийн Заг сумынх” гэж төрсөн нутгийн маань нэрийг хэлдэг юм байна. Миний хувьд нутгархаж жалгархах талдаа жаахан төсөөдүү ч чин үнэнийг хэлэхэд дотроо их л баярласан юм даг. “Хүний газар нутгийн нэрийг хайрлаж яв” гэх өвгөдийн үг ямар ч монгол хүнд амин цэнэг нь болж явдаг биз. Монгол бөхийн өргөөнөө саяхан болсон Бүх цэргийн наадамд тэр жилийн уулзаж учирч явсан бяцхан хүү, эр өсч эсгий сунан зодоглож цэргийн начин цол хүртэж ус нутгийнхныхаа баярын магнайг тэнийлгэж байна. “Их Богд” дэвжээний бөх, сумын заан цолтой эл залуу Залаа, Чандмань овоо, Загийн гол, Хүрэн бэлчирийн талынханд Халхын их аваргын нэр овгийг өргөж явах хүчтэн шиг л сэтгэл зүрхэнд нь ойр дотно санагдаж байна. Нутгийн нэрийг өргөж, дуудах алдраа дуурсгаж яв гэж аав, ээж алтан сургаалиа хайрладаг нь учиртай байх юм. Тиймээс ч монголчууд ус нутгийнхаа нэрийг өргөх сайн бөхчүүд төрөөсэй гэж төрийн сүлдэндээ залбирч явдаг болов уу.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Төвөө: Дээлтэй Монгол наадамд оролцож явтал бороо орж таарсан

Цахим ертөнцөд “Усан бороог байтугай суман бороог сөрж явлаа” гэж дээл хүрэмнийхээ энгэрт дүүрэн одон медалиа ярайлгаж алхаж яваа өвөөгийн зураг гарсан даруйдаа олны анхаарлыг багагүй татсан. Тэгэхнээ, нөгөө “од” өвөөтэйгөө гэнэт таардаг байна. Түүнтэй ийн хөөрөлдлөө.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Цээпилийн Төвөө гэдэг. Увс аймгийн Хяргас сумын харьяат, армийн ахлах офицер, Монгол Улсын гавьяат багш хүн.

-Таны бороонд алхаж яваа зураг нийгмийн сүлжээнд тавигдаж, хүмүүс ч багагүй дэмжиж байна лээ. Энэ ямар учиртай зураг байв?

-Одоогоос хэдэн жилийн өмнө 2012 оны долоодугаар сарын 13-ны өдөр монгол үндэсний хувцсаа сурталчлах “Дээлтэй Монгол” наадамд оролцохоор монгол дээлэн дээр хантааз өмсөөд, цэргийн одон медалиа зүүгээд явж байхад шиврээ бороо хаялж байсан юм. Тэр үед зарим хүмүүс борооны хаалтаа хэрэглэж, шүхрээ дэлгэн барьсан байсан. Бороонд санаандгүй алхаж явсан зургийг маань хэн нэгэн хүн тухайн үед дарсан юм билээ л дээ.

-Зурагчин нь хэн гэж хүн гэдгийг мэдэж амжаа юу?

-Миний зургийг авсан хүн өнгөрөгч онд буюу 2014 оны есдүгээр сард гэрэл зургийн үзэсгэлэн гаргахдаа “Усан бороо байтугай суман мөндрийг сөрж явлаа” гэж тайлбар өгсөн юм билээ. Тэр үзэсгэлэнд тэргүүн байр эзэлсэн бололтой юм. Мөнөөх зураг интернетэд тавигдаад, нутаг нугын амьтан ах дүүс олж харж баяр хүргээд сүйд болсон. Тэгэхнээ, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч авсан болж таарлаа. Сонины редакцийг сураглаж очтол “Эрка гэдэг зурагчин авсан байх. Одоо “Үндэсний шуудан” сонинд очсон” гэсэн. Тэгээд уулзах гэж явна.

-Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяа байх нь. Та холбогдоо юу?

-Уулзаж зургаа олж авах санаатай явж байна. Нэг утасдсан чинь “Баянчандманьд явж байна” гэсэн. Тэгээд л ажлыг нь зорьж явна даа.

-Та Увсын Хяргасын уугуул гэхээр дархан аварга Х.Баянмөнхийг их сайн таних хүн байна даа?

-Баянаа миний сурагч. Би Багшийн техникумыг 1958 онд төгсөөд төрсөн нутагтаа очиж 1960 оны намар хүртэл ажилласан. Намайг очиход Баянмөнх бага сургуулиа дүүргээд, зэргэлдээх Малчин сумын долоон жилийн дунд сургуульд очсон байсан. Хэдийгээр би яг гардан хичээл заагаагүй ч аав, ээжийг нь сайн мэднэ. Өлсөж цангахыг ч мэдэхгүй, өлдөж даарахыг ч мэдэхгүй сүрхий өлчир тэсвэртэй хүүхэд байсан. Аав нь “Хөх” Довчин гэж хүн “Манай энэ хүүг анхаарч, спортын дур сонирхлыг залуурдаж өгөөч” гэж байсан. Би 1959 оны сумын наадмын комиссын хувьд сайн мэдэх юм. Гар бөмбөг тоглодог, сайхан барилддаг, зуун метрт гүйдэг сүрхий хүү шүү. Довчин гуай хуучин гандуу ногоон дээлтэй, туранхайдуу хүн байж. Баянмөнхийн эгчтэй суусан Цэвээн гээд хүргэн ах нь ч надад захиж байсан.

-Та цэргийн ахлах офицер хүн гэсэн үү?

-Техникум төгссөн тусгай боловсролтой улсыг цэрэгт татах тушаалын дагуу армийн алба хааж, ЗХУ-ын Цэргийн ерөнхий сургуульд явснаас хойш Улиастайн мотобуудлагын ангид салаан захирагч, Цэргийн ерөнхий дээд сургуулийн багшаар ажиллаж байгаад Москва дахь Фрунзийн нэрэмжит Ерөнхий цэргийн дээд академид суралцаж 1973 онд төгсөж ирсэн. Ирээд Цэргийн ерөнхий сургуулийн каптер (тэнхимийн эрхлэгч)-ээр ажилласан. Үүнээс хойш Багшийн дээд сургууль, Техникийн их сургуулиудын Оюутны цэргийн сургууль эрхэлсэн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан даа. Гавьяат багш цолыг 2013 онд хүртсэн. Миний шавь нар гэвэл ардын эмч Ч.Бальдар, генерал Д.Энхбаатар, Тогоо, Шагдар, Д.Чойжамц, Энхбаялаг, гавьяат малчин Лүндэн, Я.Цэдэнбал, МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч, гавьяат багш Ц.Өнөрбаян нарын олон сайхан хүн байдаг даа.

-Одоо юу хийж байна?

-Би чинь 1937 оны хүн. Одоо бараг наян насны босгонд ирлээ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийнхээ ахмадын хороонд сонгуульт ажилтай. 1958-1988 он хүртэл бага сургуулийн багшаас их, дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч болтол ажиллалаа даа.

-Нам, төрийн удирдагч асан Цэдэнбалын академид алба хашдаг гэл үү?

-Ирэх онд Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, отгон маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний түүхт 100 жилийн ой тохионо. Би Ю.Цэдэнбалын академийн тэргүүлэгч гишүүн юм л даа. Маршалаас БХЯ-нд өгч байсан тушаал, албан даалгаврын эмхэтгэлийн номыг эрхлэн гаргасандаа баяртай байдаг. Маршал Цэдэнбал Халхын голын дайныг дуустал төрсөн гэртээ очиж золгох завгүй явсан байдаг. Тиймээс маршал Х.Чойбалсан амралтыг нь олгож ээжид нь “Таны хүү улс орны мундаг том дарга болсон шүү” гэж амин хувийн бэлгээ илгээж байсан байдаг. Цэдэнбалын академийг хүү Ц.Зориг нь санаачилж байгуулсан. Үе үе ирнэ. Академийг МУИС-ийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор түүхч Жамбалсүрэн, ардын багш “орос хэлний” С.Галсан нар удирдаж байгаа. Цэдэнбал дарга одоо ч шийтгэлтэй байгаа учраас нэн түрүүнд УИХ-аар хэлэлцүүлж цагаатгуулах, амьдарч байсан орон гэрийг нь музей болгох, тэрчлэн тэгш ойг нь түүхэн хүнийх нь хувьд боломжийн тэмдэглэх зэрэг их ажлууд байна даа.

Categories
булангууд мэдээ цаг-үе

Цэнд-Очирын Цолмон: Аав минь их Нацагдоржид шавилж, Дандар баатартай хоригдож явсан ардын эрхэм уран зохиолч байлаа

Ардын эрхэм уран зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Цэнд-Очирын охин соёлын тэргүүний ажилтан, ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин Ц.Цолмонтой уулзаж хөөрөлдлөө. “Нарны унага”, “Мөнгөн буйл”, “Хэцүү даалгавар”, “Бурхан мартсан заяа” зэрэг олон кинонд дүр бүтээсэн жүжигчин Ц.Цолмонг нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны гэргий гэдгээр хүмүүс сайн таних буй заа.

-Таны аав Л.Цэнд-Очир Монголын уран зохиолын түүхэнд их Нацагдоржийн үед уран бүтээлээ туурвиж явсан гэж бичсэн байдаг. Аавынхаа талаар хууч хөөрөөч?

-Миний аав ардын эрхэм уран зохиолч Л.Цэнд-Очир Богд хан уулын аймгийн Ахай гүний хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Цагаан тохой гэдэг газар 1915 онд мэндэлсэн хүн. Аавын аав Данхаан Шагдаржав гэдэг хар бор амьдралтай, малчин удмын хүн байсан бөгөөд ганц охин, дөрвөн хүүтэй хүн байж. Энэ айлын дөрөвдүгээр хүү болон төрсөн. Өвөөг “Данхаан” хэмээх болсны учир нь хэвийн хэмжээнээс хэтэрсэн толгойтой, ширүүн салхинд явж чаддаггүй, хурдан алхаж гүйхэд тэнцвэрээ олохгүй ойччихдог хүн байсан гэдэг. Тиймээс дөрвөн хүү нь ч бас том толгойтой. Угаас мал хуй цөөтэй ядуу даржин амьдралтай болохоор Орхон голыг гатлах хүмүүсийг гуя модон онгоцоор өдөр шөнөгүй зөөж, тав гурван янчаан олж хэдэн хүүхдээ тэжээдэг байсан юм билээ. Аав багадаа аав, ээжээсээ өнчирч охин дүүгийн хамт хамаатны Лувсандэндэв хэмээх айлд үрчлэгдсэн байдаг.

-Аав чинь ямар боловс­рол эзэмшсэн хүн байв?

-Шинэ засаг төр үүсч тогтоод удаагүй 1920-иод онд өвөө Шагдаржавынд нэг өдөр багийн дарга нь иржээ. Хошуу тамгын газрын сонин ярилцах зуур тэнд сургууль байгуулагдсаныг хэлж нэг хүүхэд чинь сургуульд явах ёстой хэмээн дуулгажээ. Гэтэл Шагдаржавын эхнэр “Гавж багш хүүг минь сайн лам болно гэсэн” гэж тас зөрж, харин өвгөн хэсэг бодоод бид хоёр шиг насаараа мод хэмлэхээс цаашгvй хүн болбол яана гэснээр аав 1927 он буюу XVI жарны босгыг алхуут хошуу тамгын сургуульд орж дөрвөн жил сурсан байдаг. Энэ үеэр аав ээж нь нас барж, дөрвөн хүүхэд өнчрөн, хагацлын бэрхийг амсчээ. Энэ үед охин дүүгээ нутгийн өвгөн Лувсандэндэвт өргүүлжээ. Лувсандэндэв өнчин хүүх­дүүдийг асарч байснаас хожим овоглох болсон байдаг. Түүнээс хойш Хиагт дахь аж ахуйн сургуульд үргэлжлүүлж суралцжээ. Тэнд газар тариалангийн төрөл бүрийн техник багаж төхөөрөмжийг эзэмшиж, засч сэлбэх арга ухааныг олсон гэдэг. 1932 онд Багшийн сургуульд хуваарилагдсан. Тэр үед Багшийн сургууль бараг л дээд сургуулийн зиндаанд тооцогдож голдуу гадаадад сургууль төгссөн герман, орос, хятад хэлтэй хамгийн сайн багш нар багшилдаг байж. Ангидаа 21-үүл байсны дотор кино найруулагч Ц.Зандраа, зохиолч М.Чимэд, Л.Лхамжав, Лувсандамдин нар байсан байгаа юм.

-Утга зохиолын алтан үеийнхэнтэй хэдийд их дотноссон юм бол?

-Багшийн сургуульд суралцагчид сургуулийнхаа уран зохиолын бүлгэмд явж, бие биеийнхээ шүлэг зохиолыг сонсч, маргаан мэтгэлцээн өрнүүлдэг байсан гэдэг. Тэдний нэг нь миний аав. Тэр үед С.Буяннэмэх, Их, Бага Нацагдорж, М.Ядамсvрэн, Ц.Дамдинсvрэн, Б.Содном нарын цуутай зохиолчид байсны дээр бүлгэмийн урилгаар ирж, сурагчдад хичээл ном зааж, уран бүтээ­лийн урам өгдөг байж. Энэ бүлгэмд аав маань Д.Сэнгээ, М.Чимэд, Ц.Зандраа нартай хамт сурч байж. Анхны шүл­гүүд нь магтаалын болоод шүүмжлэх аястай байж. Сүүлд арга хэлбэрээ багагvй өөрчилсөн гэдэг. Ийнхvv явсаар 1936 оны хавар сур­гуулиа төгсч Хэвлэх үйлдвэрт хуучны монгол үсгийн хянагчаар ажилласан юм билээ.

-Цэргийн албыг хаана хаасан юм бол?

-Багшийн сургуулиа төгсөөд Улаан хуарангийн морьт дивизэд алба хааж байтал штабын даргын тушаал гарч цэргийн клубт шилжсэн гэдэг. Олон аавын хүүтэй танилцах сайхан байсан хэдий ч тушаалыг биелүүлэх нь цэрэг хүний тангараг юм болохоор дуртай дургүй ч очжээ. 1936 онд цэргийн клуб одоогийн Кино vйлдвэрийн байранд байв. Тэнд клубийн дарга Вотрон хэмээх буриад найруулагч Ц.Санжид, зураач зохиолч Л.Намсрай, хуурч хөнхөр Лувсан, жүжигчин Чимэддорж, Цэрэндулам, Александр нартай хамт ажил­ласан байдаг. Тэнд зохиолч Ш.Аюуштай танилцаж, “Партизан Бат хүүгийн зам дээр” дуулалт жүжиг, хэд хэдэн жүжгийг хөгжмийн зохиолч Л.Мөрдоржтой хоршин “Хилчин”, “Хилийн цэрэг”, “Их буучин”, “Нисгэгч”, “Байлдагч”, “Залуу жанжин” зэрэг хэд хэдэн дууны үг бичжээ. Энд байхад нь цэргийн дээд команд тушаал гарган Нэгдүгээр морьт дивизэд намын багшаар томилсон ч үлдэх хүсэлдээ хөтлөгдөн зориглож, Бүх цэргийн өрлөг жанжин маршал Дэмид дээр очиж хүсэлтээ хэлжээ. Ингэж 1940 он хүртэл Цэргийн клубт дөрвөн жил шахам ажилласан юм билээ.

-Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-д бэлэг хүргэж өгч явсан гэл үү?

-Аав маань 1940 оны хавар цэргийн албанаас халагдаад уран сайхны хүрээлэнд утга зохиолын хэлтсийн эрхлэгчийн албан тушаалд томилогджээ. Хүрээлэнгийн дарга Дармаа, зөвлөх нь Шараф гэж орос хүн байж. Энэ үед уран сайхны хүрээлэн байгуулагдаад удаагүй байсан бөгөөд арав гаруйхан орон тоотой байв. 1940-1950 он гэхэд Улсын цирк, Дүрслэх урлагийн газар, Хүүхэлдэйн театр, Кино үйлдвэр зэрэг газрууд байгуулагдсан гэдэг. Чухам энэ vед эх орны дайн эхэлж, Зөвлөлтийн улаан армид манай ард түмэн агт морь, хоол хүнс, дулаан хувцас зэрэг бэлэг цуглуулах хөдөлгөөн өрнөжээ. Ард түмний бэлгийг дайны талбарт дайчдын гарт хүргэж гардуулах Засгийн газрын шийдвэр гарч янз бүрийн анги давхаргын бүрэлдэхүүнтэй цуваа гарсан. Аав энэхүү Бэлгийн цуваа гардуулах хоёрдугаар цувааны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж НТХ-ны нарийн бичгийн дарга Н.Янжмаа, БНМАУ-аас ЗХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ж.Самбуу, Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга Шагдарсүрэн нартай хамт явсан. Хожим 1985 онд түүнд ЗХУ-ын Дээд зөвлөлөөс дурсгалын хүндэт медаль өгөхдөө энэ тухай дурссан байдаг юм. Бэлгийн цуваанд оролцож явахдаа ЗХУ-ын маршал Г.К.Жуков нартай авахуулсан зураг нь үлдсэн байдаг.

-Аав чинь ер нь ямар зохиол бүтээл туурвисан хүн билээ?

-“Шинэ эмчийн ширмэн тулга”, “Эмээлтэй морины эзэн эргэж ирлээ”, Жамьян хуурчтай хамтарч “Залуучуудын анхны марш”, “Жимсэн дээр” зэрэг олон дуу, яруу найраг бичсэн Ардын эрхэм уран зохиолч цолтой хүн байлаа.

-Аавыг чинь зохиол бүтээлээсээ болж хэлмэгдэн шоронд хоригдож явсан гэж сонссон юм байна?

-Аав хэлмэгдсэн тухайгаа ярих дургүй хүн байсан. Гэвч энэ тухай хувийн архивт нь цөөн зүйлс бичигдэн үлдсэн. 1942 оны зургадугаар сарын 4-5-нд шилжих шөнө Дотоод яамны дарга, зэвсэглэсэн хоёр цэргийн хамт орж ирээд баривчлах тухай хуудас гардуулсан байдаг. Дараа нь ном дэвтэр гар бичмэл зэргийг бүртгэж, орных нь бүтээлгэнд боон авч гарсан байдаг. Ингээд “Монхор-8” гэж алдаршсан машинд ачигдаж, энэ өдрөөс эхэлсэн байцаалт Гэндэн, Дэмидээс ямар даалгавар авч, яаж хорлон сүйтгэсэн хэргээ хэл хэмээн тулгах болжээ. Энэ үед Дотоод яамны мөрдөн байцаах хэлтсийн дарга Бат-Очир гэж хүн байж. “Чиний хэргийн материал бидэнд байна” хэмээн үг сүггүй тулгагч Бат-Очир залуу байхдаа сайн дурын уран сайханчаар хамт ажиллаж байсан нөхөр нь боловч тун ч хуншгvй загнаж байсан гэдэг.

-Шоронд ямар улстай хамт хоригдож байсан бол?

-Хэрэг таслуулаад Батцагаанд Шинжлэх ухааны хүрээ­лэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Банзрагч, зохиолч Н.Наваан-Юндэн, Д.Намдаг, дуучин М.Дугаржав нартай хамт хоригдож байж. Банзрагч хорин таван жил, Наваан-Юндэн гуай арван таван жилийн ялтай. Намдаг гуай болохоор “Би арван жилээр шагнагдсан юм шүү дээ” хэмээн инээмсэглэн ярьдаг хүн байсан гэдэг. Дайны гал ид дүрэлзэж байсан үе болохоор зөөлөн оёдлын, гутлын, мод, төмрийн гээд янз бүрийн жижиг үйлдвэрт хоригдлууд өдөр шөнөгүй ээлжлэн ажилладаг байж. Аав маань энд амьдрахад хэрэг болж магадгvй гэсний үүднээс оёдлын үйлдвэрт нь орж, ойр зуурын юмыг яггүй оёж сурсан гэдэг. Шоронд нойр хоолгүй гаслаж гангинаж байгаа хоригдлууд “бөөсөн тип” гэдэг хурц аюултай өвчинд нэрвэгдэж. Тэд нэгэнт эрлэгийн дансанд бичигдсэн хүмүүс болохоор хэн ч тусалж үл чадна. Хоригдолд хоригдол нь л туслахаас өөр гарц үгүй. Азаар тэдний дунд сайн эмч домч байснаас олон хvний амийг аварсан гэдэг. Аав ч бөөсөн типд өртөж дөчөөд хоног ухаангүй байсан гэдэг. Батцагаанд хэсэг хорьсны дараа аавыг Зүүнхараагийн хориход шилжүүлж. Энд хорихын клубт ажиллаж, “Цэнд комиссар” гэдэг дуулалт жүжиг тоглуулсан юм билээ. Гэвч дарга нарын гэр бүлийнхний хов жив, атаа жөтөө дэгдсэнээс Ноён ууланд цөлсөн ч ууланд авирч, мод татах ажилд өдөр шөнөгүй зүтгэж. Хаврын эхээр аавыг Батцагаанд аваачиж хорьсон гэдэг. Ноён ууланд номхруулахаар цөлсний дараа Батцагаанд авчрахдаа хөлдөөх өрөө буюу касчирт нүцгэлэн хийж тамлаж байсан юм билээ. Аавынхаа энэ л гунигт үеийн тухай сонсохдоо ямар азаар бидэндээ амьд үлдээ вэ, яасан ч их зовлон туулсан агуу хүн байж вэ гэж зүрх сэтгэл өөрийн эрхгүй шимширдэг юм.

-Таны аав Монгол Улсын гарамгай баатар Л.Дандартай хамт хоригдож байсан гэл үү?

-Хоригдлуудаар мод татуулахын тулд Туул гол руу аваачин сал урсгах ажилд дайчилдаг байсан гэсэн. Нэг салны урт нь 20-25 метр, өргөн нь 5-8 метр машинаар бодвол нэг сал нь бараг дөрвөн машин мод болдог байсан гэж байгаа. Нэг салыг хоёр хүн авч Туулаар урсгаж явсаар хотод авч ирэхийг тушаадаг байжээ. Нэг удаа хэн нь ч салыг яаж залж хөтөлж явах тухайд мэдлэггүй тул усны ширүүн урсгалд сал эрэг мөргөн задарч зарим нь саландаа дарагдаж усанд живж. Олон хүн байсны дотроос хоёр хүн амьд үлдсэн нь миний аав, нөгөөх нь улсын гарамгай баатар Дандар нар байсан юм билээ. Ингэж тэд үхэл зовлонгийн дунд танилцаж сайхан нөхөрлөсөн түүхтэй. Энэ тухай аав өдрийн тэмдэглэлдээ “Дандар их нөхөрсөг, уурлахаараа инээ­дэг, зодолдохоороо ч инээдэг маш зоригтой, сэтгэлийн тэнхээтэй хүн байлаа” хэмээн бичсэн байдаг. Аавын анхны авааль эхнэр нь улс төрийн хэрэгтэнтэй сайхан амьдрал үзэхгүй ч гэсэн үү салж, До яамны нэг том даргатай суучихсан байсан юм билээ. Ингээд үйлээ үзсэний эцэст 1947 оны намар Улсын бага хурлын зарлигаар суллагдсан. Шоронгоос гараад Урлагийн хороо руу алхсан гэдэг. Олон жил хамт ажилласан нөхдөө түшихээр зорьсон нь тэр байж л дээ. Ингээд хөгжмийн тасгийн эрхлэгчээр ажиллаж 375 төгрөгийн цалин авдаг болж. Энэ үеэс Туулын шугуйд сал урсгаж явахдаа олж харсан охинтой эргэж уулзан амьдрал зохиож таван хүүхэдтэй болсон нь үр хүүхдүүд бид нар нь юм.

-Таны ээж хаанахын ямар хүн байна?

-Миний ээж Лхамсүрэн гэж радиогийн нэвтрүүлэгч хүн. Ээжийг танилцаж байх үед “Эсэргүүн Цэнд-Очирын номуудыг шатааж байна” гэж бөөн юм болж байсан гэдэг. Аав ээж хоёрын ууган охин Ц.Ичинхорлоо 1939 онд төрсөн, бүжигчин хүн байлаа. Одоо бурхан болсон. Би 1949 онд төрсөн. Ц.Булган маань 1951 онд төрсөн. Хэвлэлийн зураач мэргэжилтэй, соёлын тэргүүний ажилтан хүн байна. Дүү Ц.Орхонтуул маань 1953 оных. Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын соёлын төвийн эрхлэгч, соёлын тэр­гүү­ний ажилтан. Отгон дүү Ц.Сэлэнгэ 1957 онд төрсөн, циркийн жүжигчин, соёлын тэргүүний ажилтан, Буриадын төрийн шагналтай, гавьяат жүжигчин. Манай хүү Д.Амар кино найруулагч, бага хүү Д.Цогт телевизийн найруулагч, аавын зээ хүү Н.Эрдэнэ “Мон­гол цирк” хөгжлийн төвийн захирал, Орхонтуулын маань хүү соёлын тэргүүний ажилтан Цогбат Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын соёлын төвийн захирлаар тус тус ажиллаж байгаа. Таван хүүхдийнх нь тавь жаран ач зээ нар аж төрж байна. Аав маань Соёлын яаманд дөч гаруй жил ажилласан маш нямбай хүн байлаа. Баянхуур, хуучир их дарна.

-Аав чинь хүүхдүүддээ голдуу гол усны нэр өгчээ дээ?

-Аав өөрийнхөө төрсөн нутгийн нэрийг хүү, охин хоёртоо, ээж Булган аймгийн гаралтай болохоор нэг хүүхдээ Булган гэсэн байдаг. “Та яагаад намайг Цолмон гэсэн юм” гэхээр “Үүрээр төрсөн учраас охиндоо ийм нэр өгсөн” гэж байсан. Гэхдээ энд нэг түүх ярихад аав шоронд байхдаа “Хүү ч гарсан, охин ч төрсөн Цолмон гэж нэрлэнэ” гэж шийдээд байж л дээ. Бүр “Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ. Цоохор даага жирийхээрээ жирийнэ…” гэдэг алдарт шүлгээ бичсэн ч дээрээс баталж өгөхгүй байсан учраас Дашзэгвийн Сэнгээ гуайд өгч, нэр дээр нь гаргасан байдаг. Наян насныхаа ойн нэвтрүүлэгт энэ тухайгаа Амбасэлмаа гуайд ярьсан шүү.

-Соёлын яаманд олон жил ажилласан болохоор урлагийн томчуул их ирнэ биз?

-Ардын жүжигчин Л.Цогзолмаа, төрийн шагналт Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, хөгжмийн зохиолч Д.Мааяа нар их ирдэг байсан.

-Аавынхаа 100 жилийн ойг тэмдэглэх гэж байгаа гэсэн үү?

-Аав маань наян гурав хүрээд бурхан болсон. Бид 100 жилийнх нь ойг энэ сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд тэмдэглэхээр бэлт­гээд л байж байна даа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уран бичлэгийн уралдаан, нутгийнхны дунд урлаг-спортын тэмцээн зохион байгуулна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Арго: Надад ус уух хувийг монгол эмч нар маань өглөө

Хамгийн олон хэл мэд­дэг монгол хүн хэмээн олон түмний танил болсон Ар­дын боловсролын тэр­гүү­­ний ажилтан, ард түм­­ний гавьяат багш Батсүхийн Арготой уулзаж хөөрөлдлөө.

-Таны бие тэнхээ тааруу байгаа гэж сонслоо. Өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг зүйл дээ. Таны бие одоо ямаршуухан байна даа?

-Хүн нэг л зүйлийн ту­хай байнга бодож явах хэ­рэгтэй байдаг юм байна. Бур­­хан багшийн сургаальд “Тө­рөх, өвдөх, өтлөх, үхэх дө­рөв хорвоогийн дөрвөн үнэн” гэж сургасан байдаг. Би сахарын диабит буюу чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас идээлж баруун хөлөө тайруулсан. Энэ аюулт өвчнөөс миний амь насыг аварсан Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын хамт олон болон Эрдэнэсүрэн эмчдээ баярласан талархсанаа илэрхийлье. Ма­найхан Монголынхоо эмч на­рыг тоохгүй гадаад руу яваад байдаг. Манай эмч нар үнэхээр чадалтай гэдгийг өөрийн би­еэр үзэж мэдэрлээ. Герман улсад мэргэжил, боловсрол эзэмшсэн маш мундаг эмч нар байдаг юм байна. Энэ л сайхан алтан гартай ачтай монгол эмч нарынхаа буянаар амь аврагдлаа. Эмнэлгийн ачаа­лал их байдаг болохоос эмч нар нь гадаадын том том эмнэлгүүдэд хийдэг судас залгах зэрэг нарийн мэс ажилбаруудыг амжилттай хийсэн. Намайг дэмжиж, үр хүүхдүүддээ надаар хичээл заалгаж байсан Монголынхоо гэгээн сэтгэлт ард түмэнд энэ дашрамд маш их баярласнаа илэрхийлье. Хөлөө тайруулж долоо найман сархэвтэрт байхад их л олон зүйл бодогддог юм байна. Энэ хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэхийг хүсээгүй. Ажилдаа хэт улайрч, эрүүл мэнддээ анхаараагүй маань хувийн ха­риуцлагагүй алдаа байж. Тэнгэр бурхан, сайн хань, сайн багшийн буянаар ямар ч байсан ус уух хувьтай л хүн байж, би.

-Удаан хугацаанд хэвтэрт байж байгаад суга таягтай ч гэсэн өрөөсөн хөл дээр босохоор ямар санагдаж байна. Хамгийн гол нь ухаан санаа саруул байна гэдэг тан шиг оюунлаг хүнд их зол завшаан юм даа?

-Хөлтэй эрүүл саруул явах үедээ хүн юу ч боддоггүй юм байна. Яг ингээд хөл мөчгүй болоод ирэхээр орж буй бай­гууллага маань хэдэн шаттай билээ, хэдэн давхарт билээ гээд янз бүрийн зүйл их боддог юм байна. Долоо найман сар хэвтэрт байсан ч намайг номын цагаан буян л босголоо. Эмнэлэгт өвчнөө яаж давж туулах вэ гэж бодож олон жил сэтгэлдээ бодож явсан итали, испани хэлний гэрийн багшийн хоёр номоо суугаагаараа бич­лээ. Би чинь залуудаа ард түмэндээ “Хорин таван хэл мэддэг” гэж ам гарсан тал бий. Номын нэхэл гэдэг хатуу. Тиймээс би хорин тавыг биш юм аа гэхэд найман хэлний ном биччих юм сан гэсэн мөрөөдөл тээж явснаа сая гүйцэлдүүллээ. Хүнд наркозны дараа болохоор хоёр гурван цаг бичиж бай­гаад унтчихна. Тэгсээр байж хоногийн олноор дуусгаадсая эхнийхийг нь аваад байж байна. Сүүлийн хоёр жилд 21 аймгаар явж бага, дунд, ахлах ангийн хүүхдүүдэд англи хэлийг төслөөр заасан. Найман хоногийн дотор англиар ун­шиж бичүүлж сургах түргэн сургалтаа явуулж байхдаа эм­чийн хяналттайгаа эс хайх­ран эрүүл мэндээ даанч нэг анзаарсангүй дээ. Би бас ч азтай. Жаахан удсан бол хоёр хөлөө алдах төдийгүй амь на­саа ч алдах байж.

-Чихрийн шижин өвчин эмчийн хараа хяналтад байх ёстой байхад та хайр гамгүй, хөдөө гадаагүй баахан яв­чихсан юм биш үү?

-Хөдөө ч явсан, хятад хүүх­дүүдэд ч хичээл заасан. Аль ч газрын хүүхдүүд адил­хан. Аливаа хүүхдийг олон хичээлээр нүд­сэнээр мундаг хүн болчихгүй, харин сонирхолтой зүйлийг нь өдөөгөөд, бие дааж сурах аргыг эзэмшүүлээд өгчихвөл эрдмийн зам мөр шуудраад явчихдаг.

-Оюуны мундаг хүмүүс бие махбодийн зовлон шана­лангаа сэтгэлийн их хатаар ялан гарсан байдаг. Таны сэтгэлийн таяг, итгэлийн эм юу байв?

-Миний сэтгэлийн таяг маань “Итали хэлний гэрийн багш”, “Испани хэлний гэрийн багш” гэсэн энэ хоёр ном маань л байлаа. Октябрийн хувьсгалаас өмнө Оросын том язгууртнууд франц, германаар чөлөөтэй ярьдаг байсан. Га­даад хэл гэдэг бол тухайн хү­ний соёлын хэмжүүр. Дэлхийн мундаг том зураачдын олонхи франц, голланд, итали, испанид мэндэлсэн. Техникийн том ололтууд голдуу англи, германых байх жишээтэй. Европын хөгжлийг оройлон толгойлдог таван улс бол франц, англи, герман, испани, итали шүү дээ. Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг Азийн өндөр хөгжилтэй улсууд Европын хэл, соёлын нөлөөгөөр асар хурдтай хөгжиж байна. Монголчууд маань ч Европын соёлоос хоц­рогдож хаалттай орчин бол­чихвол хэзээ ч хөгжихгүй. Тиймээс Европын өндөр соёлтой ул­сын хэл хэзээд хэрэгтэй байх болно. Дээр нь өмнөд, хойт хоёр хөршийнхөө хэлийг маш сайн сурах хэрэгтэй.

-Монголчууд зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Шавь нар, найз нөхөд чинь аль хэр эргэж тойрч байна?

-Мөнгө төгрөгний төлөө гэ­сэн ухвар мөчид бодол хүнд хэрэггүй байдаг юм байна. Эцсийн эцэст хүн яг үхэх гээд ирэхээр дотнын анд нөхөд, аав ээж, амьтан ах дүүсээ их хүсч санадаг юм байна. Дэлгүүрт ч орж чадахгүй хүн чинь өөр яалтай билээ. Манай монголчууд чинь эртнээс их сайхан нинжин уламжлалтай байж. Чингэс хааныг тэнгэрт дэвшихэд Лигницийг эзлэхээ шахаад байхдаа, Өгөдэй хааныг өөд болоход Мисирийг авчихаа алдаад буцан ирж хөдөөлөгт оролцохоор Монголын их цэ­рэг буцсан байдаг чинь үхэл хагацал, өвчин зовлон тохиоход нэгнээ гээхгүй, шаналан гунигийг нь хуваалцах гэсэн сэтгэлийн илрэл байж. Уг нь ашиг со­нирхлоо бодсон бол европ тивийг бүтнээр нь эзлэх боломж байсан шүү дээ. Дашбалбар багшийн “Амьддаа бие биеэ хайрла” гэдэг чинь ямар ч ид шидтэй үнэн үг юм бэ дээ. Миний энэ ном бичиж байгаа чинь билгүүн номч Б.Ринчен, Чой.Лувсанжав, олноо “орос хэлний” хэмээн алдаршсан Сэрээнэнгийн Галсан багш нарын маань номын гэгээн өглөг буяны хишиг юм даа. С.Галсан багш маань сэтгэлийн дэм өгч байлаа.

-Та гадаад хэлний хэдэн удаагийн төгсөлтийг удирдан багшилсан байх юм?

-Би итали хэлийг хоёр удаа, орос, франц, хятад, англи зэрэг бусад хэлүүдийг 573 удаа зааж, 575 удаагийн төгсөлтөөр нийт 13 мянган хүнд эрдэм түгээсэн.

-Гадаад хэлний нийгэмлигээс таныг олон хэл мэддэг хүнээр шалгаруулж байсан даа?

-Ерэн есөн онд Гадаад хэлний нийгэмлигээс намайг хорин таван хэл сурсныг үнэлж, Монголын хамгийн олон хэл мэддэг хүнээр шалгаруулсан. 2011 онд нэг хүн хамгийн олон гадаад хэлний сурах би­чиг бичсэн номинацид нэр дэв­шүүлж, Гиннесийн дээд амжилтыг эвдсэнийг баталсан. Харамсалтай нь Гиннесийн номд бүртгүүлэхэд мөнгө төг­рөг их хэрэгтэй юм билээ. Тэр их мөнгийг нь ганц би яаж дийлэхэв. Ямар ч байсан амжилтаа явуулчихсан. Хэзээ нэг сайхан өдөр Монголын компаниуд маань хөл дээрээ босоод бидэн шиг сэхээтнүүдээ дэмжээд бүртгүүлчихвэл Мон­голд л хэрэгтэй юм даа. Бурхан надад нас хайрлавал хорин таван хэлнийхээ номыг бичнэ л гэж боддог. Уг нь хөлтэй байхдаа жилд хоёр ном бичих боломж байсан байна, даанч практик талаа бодоод талхны мөнгөнийхөө төлөө явжээ.

-Хошин шогийнхон таныг тоглолтынхоо гол баатар болгож нэлээд ашигласан. Өвчин зовлонтой үед чинь хүний ёсоор очоо байлгүй?

-Намайг тахир дутуу бол­чихсон байхад “Мөрөөдлийн театр”-ынхан “хар сүлдэнд мөр­гөсөн хүн харь гаригийн хэл сурна” энэ тэр гээд тоглоом шоглоом хийгээд байсан. Би залуу улс байна, алдаагаа засах байх гэсэн үүднээс утасдаж “Багш нь хөлгүй болчихлоо” гэж хэлсэн л дээ. Шог чинь давс нь жаахан ихэдчихээрдоромжлол болчихдог байхгүй юу. Хүний шашин шүтэх эрх, өвчин зовлонгоор наадах чинь “Үндсэн хууль” зөрчиж байгаа асуудал шүү дээ.

-Шүүхэд гомдол гаргаж болдоггүй юм уу?

-Залуу улс алдаагаа засаад сайхан бүтээл гаргах байлгүй дээ. Мөнгө олох гэж л аргаа ядаж байгаа нь тэр шүү дээ. Ганц “Мө­рөөдлийн театр”-ынхны ч буруу биш. Анхандаа “Шинэ үе”-ийн Бооёо, Ганбаа эд нар “Хар сүлдээ тахиарай, номоо аваарай” гээд эхэлсэн. Гурван үгтэй онигой гээд л зөндөө юм бий. “Нэг үгтэй-Арго. Хоёр үгтэй нь-Арго багш. Гурван үгтэй нь Арго багшийн номнууд” гээд хувь хүн, мэргэжил, оюуны бүтээлийг маань доромжилж эхэлсэн. Хойд Солонгост зенитийн пуу­жингаар хүн бууддаг шиг юм хийсэн нэгнээ ингэж бөөнөөрөө галлаж хэрэггүй л дээ. Ер юм хийсэн хүнд доод түвшнээсээ дээд шатаа хүртэл “гүйх но­хойд гүйхгүй нохой саад бол­дог” муухай монгол зан байна. Гүйхгүй нохойнууд аж төрлөө авч яваа жирийн нэгнээс өг­сүүлээд төрийн бодлогод хүр­тэл нөлөөлж чадах тийм хорон бачтай. Тавантолгой, Оюутолгойн ажил хөдлөх гэхээр л гадаадын хөрөнгө оруулагчид муухай гээд тээгээд тэгнээд хэвтчихнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид ч яахав гараад явдаг байж. Сүүлдээ дотоодын мундаг сэхээтнүүд дүрвэнэ шүү. Тэгвэл оюун санааны дүрвэлт дэгдэж улс оронд жинхэнэ сүйрэл болно. Тиймээс гүйхгүй нохойнуудыг л аль ч шатнаас шавхуурдан зайлуулмаар байгаа юм. Хүн намайг муулж, “Мөрөөдлийн театр” болгож болно. Би бол мөрөөдөлдөө хүрчихсэн хүн шүү. Атаа жөтөөнд тийм ч амар өвдөг сөгдөхгүй. Юмны түрүүнд монгол үндэсний үнэт зүйлсээ муулна. Монгол эмч нарын буянаар л би амьд үлдлээ. (нулимсаа нуулгүй уйлав. сур)

-Нэг нь гэхэд 600 гаруй хуудастай энэ том номуудаа яаж хэвлүүлэв?

-Төрөөс, группт орсны сарын 200 мянган төгрөг авч байгаа. Үнэгүй эмчилж, группт оруулж өгсөн төрөө би хэзээ ч муулахгүй. Ямар ч байсан манай төр ажиллаж байна. Хоёр зуун мянгаар сүрхий амьд­рахгүй ч нэмэртэй юм. Хөгжлийн бэрхшээлтэй улсдаа жаахан ч болтугай туслах нь нинжин сэтгэлийн илрэл юм байна. Би хөлтэй байхдаа тийм ч адгийн амьтан байгаагүй л дээ. Аль болох л хүнд тус дэм болчих юм сан л гэж боддог байсан. Тэрний минь хариу юм байлгүй гудамжинд таягтай явж байхад “Хөөрхий зайлуул ийм болчих гэж, хайран хүн” гээд хүрээд ирж байна. Ямар сайндаа намайг хагалгаанд ороод гараад ирэхэд хажуугийн тасгийн эмэгтэйчүүд “Хэлтэй хүн хөлгүй болдог юм байж. Хэлгүй бид хоёр хөлгүй болбол яана аа” гэсэн гэж байгаа. Энэ хэдий гашуун үнэн ч наддаа том урам. Халамжийн мөнгөө жилээр нь зээлээд, сайн ханийнхаа буянаар, “Бемби сан”-гийнхныхаа ивээн тэтгэлгээр номоо хэвлүүллээ. Өмнө нь миний ном олонтаа бестселлэр болж байсан ч мөнгө төгрөг цуглуулж явсангүй. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж л амьдарч явсан юм байна.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Г.Цогт: Цагаан суваргын ордын төслийн үйл явцыг удаашруулсан

Монголын алт” (МАК) компанийн Үйлдвэрлэл, төслийн хэрэгжилт эрхэлсэн дэд ерөнхийлөгч, техникийн ухааны доктор Галсангийн Цогттой уулзаж ярилцлаа.

Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт орших Цагаан суваргын ордын үйл ажиллагааг бүтэн жил зогсоосны эцэст саяхан Үндсэн хуулийн цэц хууль зөрчөөгүй гэж үзлээ. Энэ хооронд танай компанид хэр их хохирол учрав?

-Цагаан суваргын орд нь УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад байдаг. “Ашигт малтмалын тухай хууль”-ийн тавын 4, 5 дугаар зүйлд Стратегийн ач холбогдолтой ордод төр хувь эзэмшиж болно. Хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хувь эзэмшиж болно” гэсэн заалт байдаг. 2012 оны аравдугаар сард Европын сэргээн босголт хөгжлийн банктай 450 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулаад, энэ төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эхлүүлсэн. 2013 оны эхээр Уул уурхайн яамнаас хэлэлцээр хийх санал ирүүлсэн. Тухайн үед төслийн техник, эдийн засгийн үндэслэл батлагдаад хөрөнгө оруулалт гэх зэрэг бүх тоон мэдээлэл тодорхой болчихсон байсан. Уул уурхайн яамтай хэлэлцээр богино хугацаанд шийдэгдчих байх гэж байтал нилээд сунжирч, эцэст нь төр 34 хувьд нь гурван зуун тавин сая 600 мянган ам.доллараар хөрөнгө оруулалт хийж орох асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдээд УИХ-д өргөн баригдсан. УИХ-ын 2014 оны долоодугаар сарын 1-ний өдрийн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэж “Цагаан суваргын ордод төрийн оролцоо байх шаардлагагүй ээ” гэж шийдвэр гаргасан. Ер нь бол эдийн засгийн байдал хүндэрчбайна.Монголын үндэсний аж ахуйн нэгж төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Цагаан суварга Оюу толгойгоос 30 дахин, Эрдэнэтээс тав дахин бага жижигхэн орд. Ийм жижиг ордод төр хувь эзэмшиж ороод эрсдэл үүрэх магадлалтай. Төслийг “МАК” компанид даатгаад явъя” гэсэн санаатай Их хурлын гишүүд олон байсан. Бидэнд бол төсөлд төр оролцсон, оролцоогүй зарчмын ялгаа байгаагүй. Ямар нэгэн асуудалгүй хуулиараа шийдвэрлээд явах, мөн гаднаас төслийн санхүүжилтийг босгох нь чухал байсан.

Тэгтэл “гүйх нохойд гүйхгүй нохой саад болно” гэдэг шиг юм болчихсон уу?

-УИХ-ын тогтоол гараад явж байтал УИХ-ын гишүүн Л.Цог хэвлэлийн бага хурал зарлаж“УИХ-ын энэхүү тогтоол нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ийм учраас Үндсэн хуулийн цэцэд хандана” гэсэн мэдэгдэл гаргасан. Европын сэргээн босголт хөгжлийн банк болохоор 450 сая ам.долларын зээлийн гэрээгээ хэрэгжүүлж, 200-гаад сая ам.долларыг хөрөнгө оруулалтын санхүүжилт болгоод олгочихсон байсан. Төртэйхэлэлцээр хийж байх үедээ манай зүгээс асуудлаа банкинд мэдэгдсэн. Ер нь бол “Төслийн ажлаа үргэлжлүүлье. Санхүүжилтээ ч авч байя, бид төртэйгөө маш хурдан хэл амаа олчихно” гэсэн байдлаар банктай ажилласан. Хэдийгээр төрийн хувь оролцооны талаар УИХ-ын тогтоол гарсан ч Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн хандсаныг мэдсэн, банкны зүгээс мэдээж эрсдэлээ тооцсон байх, “Та нар наад асуудлаа дотроо шийдчих ээ” гэж тодорхой хугацаа зааж өгсөн. 2014 оны арваннэгдүгээр сар хүртэл хугацаа өгч, асуудал шийдэгдэхгүй болохоор 2015 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл сунгасан. Энэ хооронд олигтой шийдэлд хүрэхгүй явсаар энэ тавдугаар сарын 20-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаараа “Иргэн Л.Цогийн гаргасан нэхэмжлэлд Үндсэн хуулийн цэцээс “УИХ-ын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй байна. Иймээс Л.Цогийн нэхэмжлэлийг хүлээж авах шаардлагагүй” гэсэн тогтоолыг гаргалаа.

Европын сэргээн босголтын банктай хийсэн гэрээ Л.Цогийн балгаар цаасан шувууны үлгэр болоод салхинд хийсчихэв үү?

-Гадны банкууд гэрээнд заасан мөнгийг хадгалах буюу “цоожлочихдог” юм билээ. Өөрөөр хэлбэл тодорхой заасан хугацаандаа мөнгөө, татан авалтаа хийх ёстой. Төслийн үйл явцыг үргэлжлүүлэх эцсийн хугацааг 2015 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөр Талууд тохирчихсон байсан. Тиймээс одоо дахин санхүүжилт хайх шаардлагатай болчихож байгаа юм. Дээр нь мөнгөө татан авалт хийгээгүйн алданги 7ОО гаруй мянган ам.долларыг манайх төлөх болчихсон.

Бараг нэг сая ам.доллар төлөх нь ээ?

-Гаднын хөрөнгө оруулалт буурлаа гээд шуугиад байдаг. Уг нь дотооддоо хэл амаа ололцоод явчихсан бол Монгол Улсад л ашигтай байх байсан. Цагаан суваргын ордын төсөл шуудраад явчихсан бол энэ 2015 онд үйлдвэр маань бараг ашиглалтад орчих байсан байхгүй юу. Бүтэн хоёр жил алдчихаж байгаа юм. Хугацаа алдсаны хор хохирол тооцож баршгүй их. Маш олон компанитай жар гаруй гэрээ хэлцэл байгуулахаас тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажил, барилгын материал авах зэргээр дөчөөд гэрээг үзэглэчихсэн байсан. Энэ гэрээнүүд төлбөр хийхгүйгээс болоод бүх ажил зогссон. Урьдчилгаагаа өгчихсөн зарим компанитай гэрээний зарим нэгэн зөрчил үүсэж байгаа. Ер нь Цагаан суваргын ордын төсөл бол нэг тэрбум 89 сая ам.долларын өртөгтэй мега төсөл. Нэг тэрбумаас дээш төслийг мега төсөл гэдэг шүү дээ.

Төслийн хамрах хүрээ Монгол Улсын эдийн засагт хөөрхөн нэмэр болохоор л байж дээ?

-Төсөл бол хүдрийн ил уурхай, уулын баяжуулах үйлдвэргэсэн хоёр том хэсгээс бүрдэж байгаа. Европын сэргээн босголтын банкнаас авах 450 сая ам.долларын зээлийг бүрэн ашигласан бол төслийн гурваны хоёрын санхүүжилт шийдэгдээд явчих байлаа. Үлдэж байгаа гурваны нэг дээр оff take санхүүжилт буюу зэсийн баяжмалаа урьдчилан худалдах замаар санхүүжилтээ шийдээд явах арга зам байсан. Энэ санхүүжилт хэзээ олгогдож эхэлдэг вэ гэхээр төсөл 70-80 хувьтай болсон нөхцөлд зэсийн худалдан авагчид урьдчилаад мөнгөө өгдөг. Бидний төслийн санхүүжилтийн анхны модель зураг ийм л байсан. Хамгийн гол хор холбогдол юу вэ гэхээр 1500 гаруй ажлын байр бий болж, улс, орон нутгийн төсөвт жилдээ 180-аад сая ам.доллар орж байх ёстой байсан. Монгол Улс 2017 он гээд бондын мөнгөө өгч эхлэх ёстой. 180 сая ам.долларын татвар орно гэдэг бол улсын төсөвт их л нэмэртэй байх болно. Эргээд гаднын компани, байгууллагад хандах нүүргүй болчихож байгаа нь том хүндрэл.

Европын сэргээн босголтын банкинд дахин хандаж зээл авах боломжгүй болчихсон уу?

– Саяхан Ерөнхий сайдын айлчлалын үеэр зурагдсан Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөний үр дүн их хурдан мэдрэгдэж байгаа. Ер нь бол хөрөнгө оруулалт эргэх байхаа. Би дөнгөж сая гэхэд л санхүүжилт хийх сонирхолтой гаднынхантай уулзаад гарч ирлээ. Ер нь асуудал эергээр шийдэгдсэн болохоор түнш банкиндаа хандана гэж бодож байгаа. Уг төсөл чинь геологи хайгуулын ажил нь сайн хийгдсэн, Канадын стандартаар нөөц нь тогтоогдсон, тэрийг нь дахиад Австралийн стандартаар баталгаажуулчихсан их сайн төсөл шүү дээ. Уулын баяжуулах үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн гэрээг хийчихсэн, тоног төхөөрөмжүүдийнх нь 90 хувь нь үйлдвэрлэгдчихсэн, зөвхөн татан авчрахад бэлэн болчихсон байгаа. Дэлхийд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ толгой цохьдог АНУ-ын “FLSmidth minerals” компанитай гэрээ байгуулж, тоног төхөөрөмжийн нийт 120-иод сая ам.долларын төлбөр төлөхөөс 105 сая орчмыг нь төлчихсөн. Ер нь төслийн гүйцэтгэл 45 хувьтай болчихсон шүү. Барилгын ажил эхэлчихсэн, хамгийн их бетоны обьемтой гурван тээрмийн суурийн ажил хийгдчихсэн байгаа.

Эх оронч дүр үзүүлдэг популистууд аливаа ажлыг ер урагш ахиулахгүй юм. УИХ-ын гишүүн Л.Цогоос танай компани хохирол тооцож шүүхэд нэхэмжлэх гаргаж болдоггүй юм уу?

-Тэр талаар бодсон юм алга. “Цагаан суваргын ордыг стратегийн орд байхад нь ард түмэнд авч өгөх гэж би оролдсон” гэх улстөрийн хандлага давамгайлж байгаа болов уу даа.Сонгууль дөхчихсөн үед ийм хандлага бүр ч нэмэгдэнэ. Ер нь хуулинд “Стратегийн ач холбогдолтой ордыг төр эзэмшиж болно” л гэж байгаа болохоос “заавал ч үгүй эзэмшинэ” гэсэн яг таг заалт байх гүйшүүдээ. Би улс төрөөс ангид жирийн л нэг уул уурхайн инженер хүн. Ер нь Цагаан суваргын ордын төсөлболулсорныхөгжилд маш хэрэгтэй төсөл. Монгол орон байгалийн асар их нөөц баялагтай улс. Энэ нөөц баялгаа Монголын үндэсний компани хэрэгжүүлээд явчихвал улс оронд л ашигтай, хойч үед хэрэгтэй зүйл байхгүй юу. Тэрнээс өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялгаа гаднынханд ашиглуулахаар өгөөд өөрсдөө загасчны гадаа морь нь усгүйн үлгэрийг давтаад байж болохгүй л дээ.Монголын компани төсөл хэрэгжүүлнээ гэдэг чинь үгүй ядахнаа ажиллах хүч нь чадваржина. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг бол олсон ашиг нь монгол хөрсөндөө эргээд шингэхийг хэлээд байгаа юм шүү дээ. Хамгийн шилдэг, байгаль орчинд ээлтэй технологи эх орондоо нутагшуулчихбал, түүнийгээ өөрсдөө эзэмшээд явчихбалжинхэнэ эх оронч байх болов уу гэж боддог.

-“МАК”-ийн Дорноговь дахь цементийн үйлдвэр ямар шатандаа явж байна?

– Нүүрсний үнэ цэн өндөр, зах зээл сайн байхад буюу 2011 онд МАК компани Цагаан суваргын орд, Налайхын хөнгөн блокийн үйлдвэр, Дорноговийн цементийн үйлдвэр гэсэн гурван том төсөл хэрэгжүүлэхээр зориглосон. Цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт 80 орчим хувьтай явж байгаа. “Чингэс” бондын мөнгөнөөс 87.5 сая ам.доллар хуваарилахаар шийдвэрлэсэн. Харамсалтай өнөөдрийг хүртэл Хөгжлийн банкнаас бүрэн авч чадаагүй л байна. Олон маркийн, евро стандартын цемент үйлдвэрлэх, үнийг хамгийн доод түвшинд хүргэхээр зорьж байгаа. Налайхын орчимд баригдаж байгаа евро стандартын хөнгөн блокийн үйлдвэр зургадугаар сарын 12-нд нээлтээ хийнэ.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Н.Сүхдорж: “Галдан бошигт хаан” жүжиг “Алтан-Өд”, “Гэгээн Муза” хоёр том наадамд өнгөллөө

МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч Нямжавын Сүхдоржтой ярилцлаа.

-Таны бичсэн “Галдан бошигт хаан” дуулалт жүжиг “Гэгээн Муза” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр шалгарсанд баяр хүргэе!

-Баярлалаа.Уран бүтээл туурвиж, үр шимийг нь хүртээд үзэгч түмнээсээ урам авч, алга ташуулаад тайзан дээр зогсож байх сайхан байдаг. “Галдан бошигт хаан” жүжгээрээ шилдэг туурвилын эзэд болцгоосондоо баяртай байна. Монгол хүн чинь багаасаа л хурдан морь унаж уралдаж өссөн болохоор аливаа уралдаан тэмцээнд түрүүлж, байр эзлэхэд хэн ч баяртай байлгүй яах вэ. Их эзэн богд Чингэс хааны маань ач зээ болох Галдан бошигт хаан, Чахундорж хан нарынхаа гэгээн сүнсийг аргадаж өглөө ургахын улаан нарандаа сүү өргөлөө.

-“Галдан бошигт хаан” дуулалт жүжгийг тань Ховд аймгийн Хөгжимт драмын театрынхан амилуулсан байх аа?

-Зүүнгарын хаант улс буюу Ойрадын хаан Галдан бошигтын мэндэлсний 370 жилийг ойг Ховд аймагт өнгөрөгч жил тэмдэглэж даншиг наадам зохион байгуулсан. Энэ үеэр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ССАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Галдан бошигт хаан” хэмээх дуулалт жүжгийг тайзнаа тавьсан. Драмын театрын дарга Мөнхбаярын Баатар маань анх санаачилж надад цомнол бичих санал тавьсан. Өмнө нь би “Ану хатан” жүжиг бичиж Ховдын театрт тавьсан байсан. “Ану хатан”-г бичихийн тулд нэлээд судалгаа хийсэн маань “Галдан бошигт хаан”-ыг бичихэд илүү ойр дөт дөхөмтэй болгосон. Түүхийн мэргэжлийн олон хүнтэй уулзаж судалгаагаа гүнзгийрүүлсэн. Галдан бошигт хааны тухай олон жүжиг, кино, роман, тууж гарсныг манай уншигчид сайн мэдэж байгаа. Тэгэхдээ Галдан гэдэг хаан байсан, хувилгаан байсан, бурхан, чөтгөр байсан гэдэг хувь хүн талаас нь биш Монголын түүх гэдэг өнцгөөс харж цомнолоо бичсэн.

-Галдан хааны аж төрж байсан цагийн байдал ороо бусгаа, эмгэнэлтэй ч гэмээр түүхэн үе байсан байх шүү?

-Их эмгэнэлтэй түүхэн цаг үе. Бид өнөөдөр түүхэнд байр сууриа эзэлсэн том хүмүүсийг үнэлж дүгнэхгүй шүүхгүй нь тодорхой. Тийм эрх ч байхгүй. Гэхдээ нэг харамсмаар зүйл байдаг нь хэрвээ Галдан бошигт хаан, Түшээт хан Чахундорж хоёр хоорондоо эв зүйгээ олсон бол өнөөгийн Монгол Улсын газрын зураг шал өөр байх байсан. Өнөө цагийн ихэс ч гэсэн яг ийм байдалтай байна шүү дээ. Энэ бол Монгол Улсад маань их аюултай, хор хөнөөлтэй явдал шүү. Хилийн наахна, цаахна байгаа ах дүүс элэг зүрхээ дурдайлган бэтгэрэхгүй л байх байсан. Манай энэ хоёр хаан маань хоёулаа мундаг эх оронч хүмүүс байсан ч Орос, Хятад, Манж, Түвд гэсэн гадныхны хаясан ясанд хахаж бүдрэн, Монголоо эмгэнэлт байдалд оруулсан. Эмгэнэлтэй ч гэсэн энэ гашуун түүх өнөөдөр ч гэсэн сургамжтай юм.

-“Галдан бошигт хаан” жүжгийг төрийн шагналт ах, дүү хоёр алдартан нэлээд өргөж өгсөн байх?

-Жүжгийн найруулагчаар нь төрийн шагналт, ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж, хөгжмийн зохиолчоор төрийн соёрхолт Бирваагийн Мөнхболд гэсэн нэг гэрийн хоёр сайхан уран бүтээлчтэй хамтран ажилласан минь сонирхолтой сайхан үйл явдал байлаа. Жүжгийн гол дүр болох Галдан хааны дүрд дуучин Б.Цэнд-Аюуш, Ану хатны дүрд дуучин С.Лхамхүү,Б.Мэндээ нар тоглосон. Жүжгийн дууг дуучин С.Жавхлан дуулж клип хийсэн. Ц.Энхтуяа гэдэг сайхан зураач сая шүүгчдийн нэрэмжит шагнал хүртлээ. Энэ жүжиг бидэнд ивээлээ хайрлаж, би шилдэг жүжгийн зохиолчоор, төрийн шагналт Б.Мөнхболд шилдэг хөгжмийн зохиолчоор, “Галдан бошигт хаан” жүжиг маань гран при шагнал тус тус хүртлээ. Бүжгийг Даваахүү маань сайхан дэглэсэн. Зохиол цаасан дээр буугаад найруулагч уншаад сууж байх нэг хэрэг. Тэр олон сайхан уран бүтээлч тайзан дээр амилуулна гэдэг тэнгэрлиг гэгээн үйл хэрэг. “Галдан бошигт хаан” жүжиг маань МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын шилдэг жүжиг киноны зохиолд тэргүүлсэн шүү дээ.

-Таны уран бүтээлийн онгод хийморь их л байгаа юм байна даа. Та одоо хаана аж төрж байна?

-Би Сэлэнгэдээ байгаа. Ач зээ нараа бараадаад түр зууртаа Дархан хотод ирэн очин байна. Үр зулзагаа бараадна гэдэг хөгшин хүний томилолт байдаг юм байна. Өнгөрөгч гуравдугаар сард ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн захиалгаар Эзнээ хошууны цөл газрыг моджуулсан хүний бодит амьдралаас сэдэвлэсэн “Тооройн нүүдэл” гэсэн уран сайхны хөгжимт жүжгийн цомнол бичиж өгөөд ирсэн. Жанцанноров гуай хөгжмийг нь бичиж байгаа юм билээ. Хөх хотод бэлтгэлдээ ороод, ирэх есдүгээр сард тоглогдох юм. Одоо харин нэг кинон дээрээ ажиллаж байна.

-Ямар сэдэвтэй, юун тухай кино хийх гэж байна?

-Эх орон, газар шорооны сэдэвтэй, харуул овооны тухай кино юм. Одоо найруулагч нь аваад уншиж байна. Манай Баруун Алтайд нэг том харуул овоо байдаг юм. Харуул овоо, Хаан овоо, Хатан овоо гэсэн гурван овооноос одоо хоёр нь Хятадын талд байгаа. Энэ гурван овоог “Үүгээр дайсан этгээд хэзээ ч бүү орж ирэг” гэж шүншиглэж босгосон байдаг. Харуул овоонд хорин таван настай, хүний ганц бие хүүг эмээлтэй морийг нь унуулаад, хуяг дуулгыг нь өмсгөөд, нохойг нь хөтлүүлээд амьдаар нь бунхалж тахьсан домогтой. Энэ тухай кино юм даа.

-Зохиолч Г.Аюурзанын “Цагаан хар улаан” романд гардаг овооны тухай байх нь ээ?

-Би тэр зохиолыг уншиж амжаагүй л явна. Энэ домгийг хүүхэд байхаасаа л сонсож өссөн. Зохиолоо бичээд арваад жил болж байгаа юм. Мөнгө төгрөгийнх нь боломж таарахгүй явсаар өдий хүрсэн. Сая харин Ховдоос кино хийх санал ирлээ.

-Сүүлийн үед ном бүтээлээ хэвлүүлэв үү?

-Өөрийнхөө бүтээлүүдээс сорчилж дээжлээд “Хойдын хөх аялгуу” гэдэг ном гаргая гээд бэлдэж байна. Навсайсан олон ч навтарга байна. Өгүүллэг, тууж, дуу, шүлэг, жүжиг гээд бичээгүй төрөл зүйл ч алга. Би Хойд Мянгад ястан хүн. Тиймээс номоо ингэж нэрлээд байгаа юм.

-Таны бичсэн “Бор чоно” уран сайхны кино нэг хэсэг шууруулж байсан байх аа?

-Өргөн дэлгэцээр хийсэн хамгийн сүүлчийн энэ кино маань Монголын шилдэг арван киноны нэгээр шалгарч байсан. Өргөн дэлгэцийн хальснаас орчин үеийн хэлбэрт буулгая гээд бодоод л явах юм.

-“Жинжиймаа”, “Мянгадын чонон саарал” гээд олон сайхан дууны шүлэг бичсэн найрагчийн хувьд уран бүтээлийн цэнгүүнээ хийхгүй юм уу?

-Одоогоор бодож санасан юм байхгүй л явна. “Мянгадын чонон саарал” дууны тухай хүүрнэхэд нэгэн уяаны морьд шиг нэгэн дугуйлангийн нөхөр яруу найрагч Ж.Саруулбуян “Хардал бэйсийн унага” хэмээх сайхан дуу бүтээсэн. Олны талархал хүлээсэн энэ сайхан дуу сэтгэл гижигдэн нутагтаа байтугай Монголдоо цуутай мянгадынхаа Чонон саарал морины тухай дууны шүлгийг бичиж, үерхэж нөхөрлөж явдаг авьяаслаг аялгуу зохиогч, гавьяат жүжигчин Н.Чулуунхүүд үзүүлэхэд минь уншиж үзээд голж шилэлгүй авч гурван зуун жаран таван хоногийн дараа нэгэн нартай өдөр энэ дууны аялгуу төрсөн гэдэг. Миний өвөг эцэг Да ноён Дарьжавын Аварга бор, Завханд олон жил түрүүлсэн Чагтан бор болон Са гүний Шовгор цэнхэр, Мишигийн цагаан тавагт, Баглаатын сарт, Баатарын хээр, Батхүүгийн бор, Өөгөөн саарал гээд цуутай хурдан хүлгүүдээрээ алдартай мянгад нутгийн хүү, хурдан хүлгийн зоон дээр өссөн өчүүхэн найрагч би моринд дуртай нэгэн дээ. Морин дэл дээр өссөн монгол найрагч байна. Морины тухай дууныхаа шүлгээр яриагаа өндөрлөчих үү, ах нь.

Шадар жанжин Чингүнжавын

Дэлтэй цэнхэрийн угтай морь минь

Шаштир түүхийн хуудаснаа

Домогтой зурагтай хүлэг морь минь

Их л дөрвөн ойрадынхоо

Адуун сүргийн манлай морь минь

Икел цуурын аялгуунд нь хө

Эвшээж шилгээсэн хүлэг морь минь

Ямар ч гүүний унага нь

Өмнө гишгээгүй чонон саарал морь минь

Явган талаар хуурнин айсуй нь

Яахын аргагүй чонон саарал морь минь” гэсэн шүлэгтэй дуу байгаа юм. Мөн миний “Ээж мод” гэдэг дуу хүмүүст бага сага хүрсэн шүү.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Ц.Лоохууз: Улс гүрэн олон чиг еврей, монгол хоёр шиг ухаантай үндэстэн нэг ч байхгүй

Цогт-Очирын Лоохууз 1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил суран, шинэхэн байгуулагдсан Намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй сурал­цан дүүргэжээ. Дөнгөж байгуу­лагдсан МАХН-ын Төв хорооны лекторын товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцах анхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхав. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлөвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс нам төрийн “ивээл”-д сэжигтэн болж эхэлсэн гэдэг. Тиймээс Лоохуузыг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилов. Гэвч Лоохууз Говь-Алтай аймгийн намын хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. Намын Төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХААЯ-ны нэгдүгээр орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж, “Атар газар” эзэм­ших их хөдөлгөөний анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ.

ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж “Намын эсрэг бүлгийн толгойлогч” хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан байдаг. Хүний тархийг нь боож дөрвөн мөчийг нь ажиллуулах коммунист суртлыг эсэргүүц­сэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн шантарш­гүй тэмцэгч маань АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон түүхтэй. Түүнийг саяхан Ардчилсан хүчний Залуучуудын холбоо, Ардчилсан хүчний холбооны дэргэдэх“Хөгжил” клубээс урьж “Ардчилал ба тусгаар тогтнол” сэдвээр лекц уншуулсан юм.

Лоохууз гуай ярианыхаа эхэнд “Би 1923 онд төрсөн хүн. Өнөөдөр ах нь 92 нас хүрчихлээ. Их өндөр нас юм гэнэ ээ. Намын Төв хорооны лектор гэдэг ажлыг маршал Х.Чойбалсангаас аваад, САА-н газруудын даргаар ажиллаж байхдаа Ю.Цэдэнбалтай муудалцаж “гологдоод” анх эсэргүүн нэр зүүсэн хүн дээ, би. Улсын удирдагч Х.Чойбалсан аймгийн ажлыг сайжруулсан хүнийг яамны сайд болгох жишээтэй. Тэр үед 13 яамтай байлаа. Сайд нар нь дандаа нэг аймгийг тэргүүний болгосон хүмүүс. Гэтэл Ю.Цэдэнбал гарч ирээд Увсын дүрвэдүүд, орос эхнэртэй, орос хэлтэй улсыг сайд болгоод тавиад байдаг. Тэнд нь мундаг хүн байхгүй шүү дээ. Нутаг ус, танил тал, орос хэл халтар хултар цээжилснээр нь албан тушаалд тавьж байсан. Бал дарга тэгж Х.Чойбалсангийн кадр хүчнийг тавих баримталж байсан бодлогыг орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд Монгол оронд ажил төрөл гэдэг ямар ч утгагүй юм болж хувирсан. Үүнийг би арьс махаараа мэдэрсэн. Энэ тухайгаа ч их хурал дээр хэлсэн. Цэдэнбал үзэл санааг нь эсэргүүцсэн хүмүүсийг их харгисаар хэлмэгдүүлсэн. Би эцэг эхээс заяасан Лоохууз гэсэн гаж нэртэй хүн юм. Багадаа бөөрөнхий тарган хүүхэд байсан болохоор намайг аав ээж минь тэгж нэрлэсэн хэрэг. Лоохууз гэдэг чинь хятадаар лонх гэсэн үг шүү дээ. Тиймээс намайг хятадын эрлийз гэж хүртэл нүд үзүүрлэх шалтаг болсон. Говь-Алтайн Чандмань сумын Ботгонын голд хонь, сарлаг хариулж амь зуудаг ямар юмных нь хятад хүн байхав дээ. Манайхан ер нь бүгд сонин нэртэй. Миний ахыг Халтар-Ухна, дүү нарыг Мандал, Хумбагар, Муувгар гэдэг. Намтар түүх минь ийм илхэн байхад хятад гэж гүтгэнэ гэдэг юу гэсэн үг вэ. Тэр үед би залуу омголон ч байж. Шатаа л явчихсан. Энд өнөөдөр дөч тавин хүн цугласан байна. Цөөхөн гэж голъё. Намын Төв хорооны лекторын эрхлэгч байхдаа 1000-2500 хүнд лекц уншдаг байлаа” гэсэн юм.

Тэрээр цааш нь “Ардчилал, тусгаар тогтнол гэсэн хоёр үг бол нэгнээс нь салгахын аргагүй нэг цул ойлголт. Монгол Улс хэзээнээс нааш Төв Азийн цээжин дээр зүрх нь болж цохилж оршин тогтнож ирсэн. Аливаа нэг улс гүрний амыг хардаг улсыг тусгаар тогтносон гэж хэн ч хэлэхгүй. Монголчууд хойшоо Орос, баруун тийш Арабын орнууд, урагш Хятадыг дайлж байсан баатарлаг түүхтэй улс. Сүүлд Хятадын доторхи манжууд засаг төрийг нь булааж аваад Монголыг 200-300 жил дарласан. Манж хятадууд Монголд зээлийн арга мэх хэрэглэж, ард түмний амьдралыг доройтуулсан. Зээлийн арга нь Монголыг эдийн засгийн хувьд туйлдуулан буурай ядуугийн замд улам бүр түлхэж байв. Иймээс Манжийн дарлалыг эсэргүүцсэн Амарсанаа, Чингүнжаваар толгойлуулсан зэвсэгт тэмцлийг та бүхэн мэдэж байгаа. Ард Аюуш есөн эрүү тулгуулж яаж зовсныг дэлгэцийн урлагаас харсан байх. Харийн дарлалын эсрэг тэмцсэн хамгийн том байлдаануудыг Зүүнгарын хаант улсын хаан Галдан бошигт явуулж байлаа. Галдан бошигтын хатан Ану Налайхын цаахна байдаг Зуунмодонд байлдаж ялагдсан. Зүүнгарын хаант улсын үлдэгдэл ардууд Архангай аймгийн Өлзийт, Ихтамир сумдад тархаж суурьшсан. Тусгаар тогтнолоо Манжид хоёр зуу гаруй жил алдсан монголчууд Орос орныг түшиглэж туурга тусгаарлахаар түшиглэсэн нь түүхийн үнэн. Харамсалтай нь хаанаа түлхэж унагасан Ленин, Сталины улаан коммунистууд бидний байдлыг буруугаар ашигласан.

Ардын хувьсгал ялахад Монгол орон зургаан зуухан мянган хүнтэй, жижиг буурай орон байсан. Зөвлөлт оросуудын хийсэн сайн зүйл бий л дээ. Улаан тарианы буянаар мөхөж сүйрч байна гэж байсан цөөхөн буурай монгол өнөөдөр гурван сая дахь иргэнээ бүртгэж аваад баярлацгааж байна. Оросуудын дэмжлэгээр Ховд, Нийслэл хүрээнд байсан манж-хятадуудыг хөөж явуулсан нь яах аргагүй сайн хэрэг. Үүнд, Сүхбаатар, Чойбалсан, Богд хаан Жавзандамба, Бодоо, Данзан нарын хувьсгалын удирдагчдын түүхэн гавьяа ч дурдагдана. 1924 онд чөлөөт эдийн засгийн бодлого явуулснаар үндэсний баячууд төрөх боломж, хөрс суурь бүрдсэн. Харин МАХН-ын Төв хорооны гуравдугаар бүгд хурлаас гажуудал үүсч, Коминтернийн улаан хувьсгалын замаар замнах болсон. Социализм бол хийснийхээ хэрээр хэрэгцээгээ хангана гэсэн үг хэмээгчид гарч ирсэн. Ленинийг нас барсны дараа Сталин гэгч ухаалаг боловч маш аюултай хүн түүхийн тавцанд гарч ирснээр монгол оронд ч дураараа дургигч хэт хувьсгалч большевикүүдийн хууль үйлчилж эхэлсэн. С.Данзанг Шар хадны ууланд буудан хороож, Бодоог егүүтгэснээр Монгол Улс оюун санааны удирдагчидгүй болж, ЗХУ-ыг үг дуугүй дагах болсон. Энэ бол гунигтай зүйл байсан. 1940-өөд онд БНМАУ-ын иргэн бүр тусгаар тогтнолынхоо төлөө гарын үсэг зурж баталгаажуулан БНХАУ-аар хүлээн зөвшөөрүүлж чадсан ч ЗХУ-аас хараат билэгдлийн чанартай бие даасан төдий улс болсон. Тэр үед би хүртэл Баян-Өлгий аймагт томилогдон, 45 хоног нойр хоолгүй шахам мачийн зүтгэж явлаа. Монгол хүн бүр л тэгж зүтгэж байж урд хөршийн дарлалаас ангижирсан.

Монгол Улсад өнгөрөгч хорьдугаар зуунд хоёр том дайн болсон гэдэг. Ачир дээрээ Дорнодын Баянтүмэнд айлын жорлон дээр Японы ганц бөмбөг унасныг эс тооцвол тийм ч сүртэй тулалдаагүй байдаг. Гэхдээ бид бас ЗХУ-ын армитай мөр зэрэгцэн Хятадын газар нутгийг Японы милитарист өнгөлзөгчдөөс чөлөөлсөн түүхтэй. Ер нь энэ дэлхий даяар цэрэг зэвсгийг хязгаарлах хэрэгтэй. Дэлхийн гуравдугаар дайн эхэлбэл хүн төрөлхтөн бүрмөсөн сүйрнэ. Манай тусгаар тогтнол 1990 он хүртэл ЗХУ-ын мэдэлд хуурамч тусгаар тогтнол байсныг би дээр хэлсэн. Ардчилсан үзэлтэй залуус жагсаал цуглаан хийж эхлэхэд МАХН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Батмөнх бууж өгсөн. Тэгэхээс ч яахав. Дэлхий дээр цус урсгалгүйгээр хувьсгал хийсэн улс манайхаас өөр байхгүй. Ардчилсан хувьсгал монгол оронд ялсан ч одоо хүртэл үргэлжилж л байна.Энэ шинэ үзлийг хэрэгжүүлэхэд хуучин үзэл их саад хийлээ. Хорь гучин жил саад боллоо. Бүр нүдээрээ харж байна. Хэрэгтэй юмыг хэрэгжүүлэхгүй, саад болдог. Энэ дотор бохир булай, нийгмийн амьдралд байж боломгүй зүйлийг хэрэгжүүлэх, эрх мэдэлтэй байх, өөрсдийгөө магтуулах, эрх мэдлийг хүчээр авч хэрэгжүүлэхийн төлөөх муу үзэл нэлээн удаан хугацаанд хэрэгжлээ. Энэ бол ардчиллыг урагш явуулахгүй саад хийсэн. Одоо ард түмэн хоног хоногоор үүнийг ойлгож байна. Тэгэхээр цаашид саад бэрхшээл багатайгаар нийгэм урагшаа явах байх. Монголын ард түмнийг коммунизмын үзэл эдийн засаг, улс төрийн талаар, хамгийн гол нь оюун санааны талаар хоцрогдсон бусдын заавраар явж байдаг махан хэлтэй, хоёр хөлтэй мал маягтай болгосон. Энэ бол хамгийн аюултай нүгэл. Ардчилал үүнээс чөлөөлж эрх чөлөөтэй болгож өгсөн. Манай ардчилагчид айван тайван, шүүмжилсэн бүхэнд бууж өгч яваа. Ардчилагчид төр барих хугацаанд хоёр гурван Засгийн газраа огцруулж байсан. Цаашид ч хуучин засаг төрийг мөрөөдөгсөд урьдын дэглэмээ тогтоохыг үгүйсгэх аргагүй. Барууны мундаг улстөрчид манай ардчиллаар бахархдаг юм шүү. Бид жинхэнэ биеэ даасан тусгаар тогтнолыг 1990 онд л байгуулсан.

Тусгаар тогтнолоо жинхэнэ олж авснаар бид шашин шүтэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон. Ардчилал гэдэг шударга ёс. Шударга ёсонд хуучинсаг үзэлтнүүд туйлын дургүй. Шударга ёсыг амьдрал хөрсөнд буулгамаар байна. Хулгай хийж баяжилгүй, луйвар хийж олон түмнээ хууралгүй амьдарч, хүн хүнээ хайрлах учиртай. Тэгж байж ардчилал бүрэн утгаараа ялна. Бид ардчиллаа, тусгаар тогтнолоо хэнд ч зүгээр өгмөөргүй байна. Үүний төлөө хүн бүр шударгаар аж төрж, эвтэй найртай, эрдэм боловсролыг дээдэлдэг, хөдөлмөрч баймаар байна. Шударга бус зүйл улс төрд орохоор будлиан үүснэ. Шударга ёсны төлөө үхсэн ч багадна. Хоосон зүйлд итгэлээ өгнө гэдэг аюултай. Үнэний төлөө үхэх ч багадна. Би гурван дээд сургууль төгссөн хүн. 1956 онд аймгийн намын хорооны дарга байхдаа Ю.Цэдэнбал даргыг шүүмжилсэн. Тэрнээс болж хавчлагад орсон. Тэгээд надад атар газар эзэмших даалгавар өгч ажиллуулсан. Улсын даалгаврыг биелүүлэхийн төлөө нойр хоолгүй ажилласан. Тэр үед үзэл санаа нэгтэй Монголын сэхээтнүүд болох Төмөр-Очир, Цэнд гээд том улсуудыг ажлаас нь халж эхэлсэн. Би ажлаа өгөөд өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлнэ гээд хойшоо эрдмийн зэрэг хамгаалахаар сургуульд явсан. Улмаар 1964 онд сургуулиа арай төгсөөгүй байхдаа Намын Төв хорооны бүгд хурлаар ирж Ю.Цэдэнбалыг ул үндэстэй, нэлээн сайн шүүмжилсэн. Тэрүүгээр далим хийж, намын эсрэг бүлгэм зохион байгуулсан нэрээр Нямбуу, Сурмаажав бид гурвыг “Улс төрийн дайсан бий боллоо” гэж худлаа дэвэргээд нам төрийн удирдлагаас зайлуулж, малчин, хоньчин, үхэрчин болгож байлаа.

Өвөрхангай аймгийн Сант суманд туслах малчин хийж байгаад хүүхэд сургуульд ороод Хархорин суманд бригадын тоо бүртгэгчээр ажилласан. Энэ үед намайг “Баяжлаа, хориотой үйлдвэр явуулсан, дамын наймаа хийсэн” гэж гэмт хэрэгтэн болгож шоронд хийсэн. 1976 онд шоронд орж, арваад жил явсан. Би шоронгоос гарахдаа 700-800 ширхэг бөгж хийж гарч ирээд тус бүрийг нь 34 төгрөгөөр зарж амьжиргаа болгож байсан. Шоронд байхдаа би маш олон мэргэжилтэй болсон хүн шүү. Түүний дараагаар нутаг заалтад мөн гурван жил боллоо. Тэгээд дараа нь хэлмэгдлийн амьсгаа буураагүй. Гэмтэн маягтай үзэгдэж явлаа. Түүнээс хойш 1990 онд ардчиллын хөдөлгөөн өрнөж, Ардчилсан хувьсгал ялсан. Энэ ялалт биднийг аварч, цагаатгаж, гэм зэмгүй хүн болгож, үнэн мөнийг олгож өгсөн түүхтэй. Тэр үед хүн болж төрсөн учраас хатуу нийгмийг үзлээ. Би эс үзсэн ч өөр хүн үзэх л ёстой хувь тавилан байлаа. Надад тохиолдсон гээд гомдоод байх юм алга. Би шударга биш нийгмийн үзэгдэлтэй халз тэмцсэн. Тэр шударга биш зүйлийн аяыг нь дагаагүй, бурууг нь буруу, зөвийг нь зөв гэж өөрийнхөө ойлголтоор халз тулж тэмцсэн. Энэ тэмцэл л амьдрах арга ухаанд намайг сургасан. Амьдралд гүнзгий оруулж өгсөн. Юманд дандаа сөрөг тал гэж бий. Хэчнээн муу муухай юм байлаа ч гэсэн түүнийг сөргөж ажилласан учраас надад амьдрах ухаан суулгасан. Үүнд нь баяртай явдаг. Иймээс хүн амьдралд тулгарч байгаа яльгүй бэрхшээлийн өмнө битгий бууж өг. Сөрж бай гэж хэлье дээ. Дэлхий дээр өчнөөн олон улс үндэстэн бий. Эдгээрээс ухаантай ард түмэн ердөө хоёрхон байна. Үүний нэг нь еврей, нөгөөх нь Монгол. Монгол хүн дэлхийн халуун, хүйтэн аль ч бүсэд амьдарч чаддаг нь эцэг өвгөдөөс заяасан дөрвөн цагийн улиралт энэ сайхан монгол орны маань онцлог юм. Аливаа гадаад хэлийг сурлаа гэхэд ямар ч аялгагүй сурдаг гоц авьяас чадвар, ой тогтоолтын гайхамшиг монгол хүнд л заяасан байдаг” гэснээр Ц.Лоохууз гуай илтгэлээ өндөрлөсөн юм.

Тэмдэглэсэн

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Улаан талбайд манай цэргийн бие бүрэлдэхүүн “День победы”-г дуулж алхсан

Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцоод ирсэн дэслэгч Дамбадаржаагийн Эрдэнэбаттай уулзаж ярилцлаа.

-Дэлхийн II дайны ялалтын 70 жилийн ойн парад энэ сарын 9-ний өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болоход оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газрын нийт 75 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг Улаан талбайн ялалтын парадад оролцоод ирлээ. Бид дөрөвдүгээр сарын 27-нд яваад энэ сарын 12-нд ирсэн.

-Парадын бэлтгэл хэд хоног хийв?

-Очоод өөрсдийнхөө цэргийн багийн болон ОХУ-ын, бусад улсын цэргүүдийн нэгдсэн бэлтгэлээр шөнийн парадад хоёр удаа, өөрсдийн бэлтгэлээ багийн удирдлагынхаа өгсөн даалгаврын хэмжээнд байнга хийж байсан.

-Москвад өмнө нь очиж байв уу. Улаан талбайд хөл тавихад ямаршуухан байв?

-Москвад анх удаа очихдоо түүхэн ялалтын ойд зориулсан парадад Монгол Улсынхаа нэрийн өмнөөс оролцсондоо бахархалтай байлаа. Улаан талбайг кино, зурагтаас харж байхад тэв тэгшхэн гадаргуутай юм шиг харагдаад байдаг. Яг алхах үед байгалийн чулууг засаж хийсэн, онхол донхолтой ов тов зам талбайтай юм байна. Парадад алхахдаа бид “День победы” дууг жагсаалаараа орос хэлээр дуулж өнгөрөхөд ард иргэд нь үнэхээр өндөр сэтгэгдэлтэй хүлээж авч байгаа нь анзаарагдсан. Ялалтын парадад нийт 11 улс орны цэрэг дайчид оролцсон. БНХАУ-ын цэргүүд “Катюша” дууг хятад хэлээр дуулж байсан.

-Цэрэг хүний нүдээр харахад парадад оролцож буй ОХУ-ын зэвсэг техникийн хүчин чадал, сүр жавхаа ямар санагдах юм?

-Зэвсэг техникийн парадыг бид хараахан харж амжаагүй. Яагаад гэвэл бид өөрсдөө парадад жагсаж байсан учраас тэгж ажиглах боломж тааруухан байсан. Нэгдсэн бэлтгэлийн үед онгоцны парад үнэхээр гайхамшигтай санагдаж байсан. Сүүлд зурагтаар харахад танк, зэр зэвсэг нь үнэхээр сүрлэг сайхан байна лээ.

-Парадад оролцоход сонгон шалгаруулалт хийсэн байх даа?

-Миний хувьд Зэвсэгт хүчний З11 дүгээр ангийн буудлагын талбайн даргын албан тушаалтай, дэслэгч цолтой хүн. Батлан хамгаа­лахын их сургууль төгсөөд ажил албанд хуваарилагдсанаас хойш дөрвөн жил орчим болж байгаа. Парадад 180 сантиметрээс, дээш өндөртэй, биеийн өндөртэй харьцуулсан жинтэй цэргийн албан хаагчдыг сонгон шалгаруулж авсан л даа. Мөн жагсаалын шалгалтхарсан. Манай ангиас гэхэд дөрвөн албан хаагч парадад оролцлоо. Парад өндөрлөсний хойно ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөллүүд манай цэргийн багийнханд баяр хүргэж, дурсгалын зүйл гардуулахад сайхан санагдаж, ар гэрийнхэн маань биднийг зурагтаар харсан даа гэж бахархах сэтгэл төрж байлаа.

-Бусад улсын цэргийн жагсаал аль хэр сонирхолтой харагдаж байна?

-Улс улсын цэргийн жагсаалын алхаа ондоо байдаг нь анзаарагдаж байсан. Манайх чинь орос школтой шүү дээ. Энэтхэгчүүд гэхэд манайхаар бол “номхон, зэрэгц дундаа” команд авсныхаа дараа зүүн гараа хязгааргүй тултлаа хаяад, өсгийдөж алхдаг юм билээ. Сербүүд гэхэд манайхны дороо алхаж байгаа юм шиг өвдгөө нугалж алхдаг юм байна.

-Тавдугаар сарын Москва ч ялалтын баяраа тэмдэглээд янзтай уянгалаг байна уу?

-Москва дулаахан, чийглэг амьсгалтай, өглөөгүүрээ манантай хот юм. Манай орныг бодоход их эрт дулаардаг, хөрс нь намгархаг, ой модтой газар байгуулсан хот юм билээ. Гудамж талбай нь маш их модтой. Хар мод, хус голдуу байдаг юм байна. Тиймээс Оросын яруу найрагчид хусныхаа тухай их бичдэг юм байна гэж бодсон. Өвс ногоо нь ч янзын сайхан ургасан байна лээ. Москвагийн энгийн ард олон бидэнтэй хамт зургаа авахуулж сэтгэгдэл их л өндөр байсан.

-Москвагаар ганц хоёр хоног чөлөөт зугаалга хийв үү?

-Бидэнд Цэргийн музей, Кремлийн ордон үзүүлэх зэрэг соёлын арга хэмжээнүүдэд оролцсон.

-Парадад оролцохдоо та нарын барьсан буу зэвсэг чинь хаанахын ямар буу байлаа?

-Оросын армийн зэвсэг­лэлд байгаа 5.45 милиметрийн“АК-74” буу. Манай зэвсэглэлд байгаа “АК-47” буутай харьцуулахад арай хөнгөхөн буу байна лээ. Бид зэвсгээ барьж парадад алхчихаад буцаагаад хүлээлгэж өгсөн.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Болд: Хариуцлагагүй нарийн бичгийн даргаас болж гурван тамирчин тэмцээнд оролцож чадсангүй

Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын болон Буриадын гавьяат тамирчин Буяндэлгэрийн Болдтой уулзаж ярилцлаа.

-Катарын Доха хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай гурван тамирчин, нэг багшийнхамт хуурамч визнээс болж саатуулагдсан явдалд МЧБХ-г хариуцлагагүй ажилласан гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Та энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж одоогоор ирээгүй байгаа. Ирэх пүрэв гаригт эх орондоо ирнэ. Холбооны удирдах зөвлөлийг хуралдуулж байж асуудлыг шийднэ гэсэн. Гэхдээ сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа асуудлуудад хариулт өгөх зорилгоор “Өдрийн сонин”-д ярилцлага өгье гэж бодлоо. ДАШТ эхлэхэд гурван сар, олимпийн наадам болоход жил гаруйн хугацаа үлдлээ. Энэ цаг үед хоорондоо хэрэлдэж маргаж байхаар эвтэй найртай ажил амжилтаа яаж ахиулах вэ гэж эрвийх дэрвийхээрээ хамтарч байх үе л дээ. Саяын тэмцээнд гурван хүн оролцож чадаагүй асуудал бол миний ойлгосноор нарийн бичгийн дарга нарын аппаратын хайхрамж болгоомжгүйтэй холбоотой гэж бодож байна. Эрэгтэй багийн туслах дасгалжуулагч Б.Баяраагийн талаар өөр зүйл сонсогдсон. Тухайн хүн өөрөө визтэй паспортоо авч яваагүйгээс хил рүү орж чадаагүй гэсэн. Энэ тохиолдолд Б.Баяраатай хариуцлага тооцно.

-Хариуцлага алдсан нарийн бичгийн дарга нь хэн гэж хүн байна?

-Оюунаа гэдэг бүсгүй байгаа.

-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр, Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын ярьснаар бол МЧБХ эмэгтэй тамирчдын багаа илүүд үздэг, эрэгтэй тамирчдад анхаарал хандуулдаггүй гэсэн байна лээ. Тэр бүү хэл сүүлийн хоёр жилд арван таван сая төгрөг л эрэгтэй баг тамирчдад зарцуулсан атлаа тайлангийн хурал дээр 470 сая төгрөг зарцуулсан гэж танилцуулсан гэж байгаа?

-МЧБХ эрэгтэй, эмэгтэй багуудаас бүрддэг байгууллага. Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрэгтэй, эмэгтэй багууд хоорондоо зөрчил тэмцэлтэй болсон нь нууц биш. Энэ юунаас эхлэлтэй юм гэхээр Биеийн тамир, спортын Үндэсний төвийн даргаар Наранбаатар томилогдсон, тэнд А.Басхүү гэдэг хүн очсон цагаас хоёр багийн хагарал үүссэн. МЧБХ, Үндэсний төвийн хагарлаас болж ийм байдал үүссэн. Манай багш нар “Холбоо арван мянган төгрөг ч өгч байгаагүй” гэдэг огт үндэслэлгүй. Багш, дасгалжуулагч хоёр бөхийн хөгжил дэвшлийг тодорхойлдог гэдэг бол их өрөөсгөл ойлголт. Дэлхийн хэмжээнд амжилт гаргадаг томоохон тамирчныг бэлдэнэ гэдэг маш том ажил. Тамирчин, багш дасгалжуулагчийн уйгагүй хөдөлмөр, бэлтгэл, эмч, эрдэм шинжилгээний ажилтан, холбооны удирд­лагын зөв менежмент, материаллаг бааз, өсвөр үеийнхэн хэрэгтэй. Хөдөө орон нутаг дахь цогц бодлого хэрэгтэй. Зөвхөн нэг хоёр жилийн дотор нэг том тамирчин төрдөггүй юм. Эмэгтэй тамирчдын маань амжилт сүүлийн жилүүдэд сайн байгаа. 2009 онд эмэгтэй тамирчид хос медаль авлаа, 2010 онд ДАШТ-ий аварга Монголд гучаад жилийн дараа эмэгтэй баг тамирчдаас төрлөө. Сая бас дэлхийн аваргатай боллоо. ДАШТ-ээс багаараа мөнгө, хүрэл медаль хүртлээ. Дэлхийн шилдэг АНУ, ОХУ, БНХАУ-ын багийг амжилтаараа ардаа орхилоо. Энэ амжилтын батламжийг ОУОХ-ны Ерөнхийлөгч манай эмэгтэй багт илгээлээ. Сүүлийн зургаан жилд зургаан тамирчинд байр олгосон. Ивээн тэтгэгч байгууллагууд дөрвөн байр, БХЯ, Хууль зүйн яамнаас хоёр байр хөөцөлдөж олгуулсан. Эрэгтэй баг тамирчдын хувьд Мандахнаран маань 2013-2014 онд хос медаль, Ням-Очир маань медаль авлаа. Эрэгтэй, эмэгтэй баг маань аль аль нь амжилт сайтай байгаа. Д.Дагвадорж аварга 2014 оны шинэ жилээр “Хурд”-ын захирал Б.Чойжилсүрэнтэй яриад Мандахнаранд байр олгуулахаар болчихсон байсан ч эрэгтэй баг тамирчид маань ёслолд оролцоогүй. Мандахнаран бол яах аргагүй гайхамшигтай тамирчин. Тиймээс энэ хэрүүл уруулд тамирчдаа татаж оруулдаг, хутгаж үймүүлдгээ болих хэрэгтэй. Саяын тэмцээнд гэхэд МЧБХ-ноос эмэгтэй баг тамирчдад 14 сая төгрөг, эрэгтэй баг тамирчдад хорин сая төгрөг гаргаж өгсөн баримт бэлээхэн байж байна.

-Өөр ямар тусламж дэмжлэг үзүүлсэн бэ. Баримтаар хэлж болох уу?

-МЧБХ-г 2009 оноос “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат, Асашёорюү Д.Дагвадорж нар түүчээлэн авч яваагийн буянд Монголын чөлөөт бөх сэргэж, түүхэнд байгаагүй амжилтуудыг гаргаж ирсэн. Материаллаг баазын хувьд гэхэд “Найрамдал” зуслан дээр уртаашаа дөчин метр, өргөөшөө гучин метр, 1200 ам метр зуны кемп байгуулсан. Үүнд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг Д.Сумъяабазар аварга, Д.Дагвадорж аварга хоёр оруулсан. Дотроо зургаан дэвжээтэй, саун, душтай маш тохилог орчин үеийн иж бүрэн цогцолбор болсон. 2012 оны олимпийн өмнө нээгдэхэд манай улсын спортын байгууллагын дарга, удирдлагууд бүгд оролцсон. Энэ зааланд бэлтгэл хийснээр олимпийн наадам, дэлхийн аваргаас медаль авчирсныг олон тамирчин мэднэ. Тэрчлэн, Улаанбаатараас гучаад километр зайд “Хасуу мегаветт”-ын захирал Түмэн-Аюуш хоёр мянган ам метр талбай бүхий өвөл, зуны зориулалттай спортын цогцолбор байгууллаа. Жаран хүний буудал, хоол цайны газартай, ус саун, душтай тохилог цогцолбор. 2009 онд судалгаа хийхэд хөдөө орон нутагт дэвжээтэй газар байгаагүй.

-Одоо аль аймгууд дэвжээтэй болоод байгаа бол?

-Хөдөө орон нутгийн жар орчим хувийг дэвжээгээр хангаад байна. Ганцхан жишээ хэлэхэд л Баянхонгор аймагт дэвжээ авч өгөөд, гавьяат дасгалжуулагч Нацагдоржийн удирдлага дор хичээллүүлсэн. МЧБХ-ны салбар зөвлөлийн даргаар аймгийн орлогч дарга О.Тойвгоог тавьсан. Үүний үр дүн таван жилийн дараа харагдаж байна л даа. Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус аймгийн тамирчид таван алтан медаль авч, багаараа тасархай түрүүллээ. Булган аймагт салбар зөвлөлийг байгуулж, Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнийг томилж, дэвжээ явуулсан. Эднийх багаараа эхний гуравт орж байна. Архангай аймгийн бүх сумд дэвжээтэй болсон. Хэнтий аймагт Түмэн-Аюуш захирал дэвжээ аваачиж өгсөн. МЧБХ-ноос Монгол Улсаа зургаан бүсэд хувааж, чөлөөт бөхийг бүсчилж хөгжүүлэх хэтийн бодлого зорилтоо батлан ажиллаж байна. Холбооны хүндэт ерөнхийлөгч Л.Чинбатын дэмжлэгээр эмэгтэй баг тамирчид маань “Олимп” сургууль дээр “Эмэгтэй бөхчүүдийн академи”-ийг байгуулаад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Гадаадын тамирчдыг хүлээж авах хэмжээний тохижилттой болсон. Эрэгтэй баг тамирчдаа Түмэн-Аюуш захирлын “Хасуу мегаветт”-ын спорт цогцолбор дээр төвлөрүүлэх бодлоготой байгаа. Хөдөө орон нутгийн бүх аймагт салбар зөвлөлөө байгуулсан.

-Дэвжээ багцаагаар ямар үнэтэй эд вэ?

-Зах зээлийн ханшаар 8-10 сая төгрөг хүрнэ шүү. Орон нутагт хүргэхэд тээврийн зардалтайгаа нийлээд 10-15 сая төгрөг болдог.

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж тайлангийн хурал дээр “Та нар чадлаараа медаль аваа юу. Мөнгөөр худалдаж авсан медалиуд шүү” гэсэн юм уу?

-Дагваа аваргыг тайлангийн хурал дээр тэгж хэлснийг би ёстой сонсоогүй шүү.

-Холбооны ерөнхийлөгч “Мэргэжлийн зөвлөл”-дөө гэсэн тамирчдаа мэдэхгүй хүмүүсийг томилдог уу?

-Холбооны ерөнхийлөгч бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд ажиллах дүрэм журамтай. Тамирчид, багш нар ярьж байгаа асуудлаа холбоондоо ном журмынхаа дагуу тавина биз.

-Туслах дасгалжуулагч Б.Баяраа АНУ-д болсон Дэлхийн цомын тэмцээнд мөнгө хөрөнгө олдохгүй болохоор Христийн сүмийн шугамаар явсан гэсэн байсан?

-Ер нь МЧБХ ямар тэм­цээнд хэчнээн багш, тамирчид явуулах вэ гэдэг шийдвэрийг гаргаж, удирдах зөвлөлөөрөө хэлэлцэж батлуулаад явуулдаг. Баяраагийн хувьд чухам юу ярьсныг би сайн мэдэхгүй. Тамирчдын амжилт өссөнтэй холбоотойгоор иймэрхүү яриа гарах болоод байгаа. Би энэ холбоонд сүүлийн арваад жилд ажиллаж байна. Сайн, муу бүх зүйлийг нь мэднэ. Манай баг тамирчдын эм витамизаци эрс сайжирсныг Эмнэлэг, биеийн тамирын диспансерын газрын дарга Насанбат гэдэг хүн баталж өгнө. Үүнээс гадна манай тамирчид хүнийг харамч, бүдүүнээр нь дуудаад байх шаардлагагүй. 1980-2008 он хүртэл долоон олимпийн хугацаанд манайхан медалийн буухиа тасарсан. Тэгэхэд 2009 оноос хойш холбооны удирдлага тогтвортой ажилласны үр дүнд хэчнээн медаль авав гэдгийг хаана хаанаа бодох л хэрэгтэй. Дагваа аварга, Сумьяа аварга хоёр 2004 онд 60 гаруй мянган ам.долларын, 2008 онд 270 мянган ам.долларын, 2012 онд 280 мянган ам.долларын иж бүрэн хувцсаар олимпт оролцсон баг тамирчдын зардлыг даасан юм шүү. Дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар Чөлөөт бөхийн холбоогоо дэмжин ажиллаж байна.

-Багш дасгалжуулагч, тамирчдаа харж үздэггүй гэх шүүмжлэл өрнөөд байна л даа. Оргүй яриа гардаггүй л байлтай…

-Бөхийн спортыг хөгжүүлэхэд шигшээгийн тамирчин, багш хоёрын гар дээр тавьдаг мөнгө зөвхөн чухал байдаг юм биш ээ. Нэг тэмцээн зохиоход л дор хаяж гучин сая төгрөг ордог. Олон улсын чанартай том том тэмцээнүүдийг зохион байгуулахад дунджаар гурван зуун сая төгрөг ордог юм. Нэг жишээ хэлэхэд л 2012 онд “Mongolia open” тэмцээнийг “Женко” компанитай хамтран зохион байгуулахад 400-500 сая төгрөг болсон. 2013-2014 онд “Алтай констракшн” компани бас ийм хэрийн зардал гаргасан. Чөлөөт бөхийн хөгжилд хэн ийм хэмжээний хөрөнгө оруулалт татаж чадаж байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Д.Дагвадорж Азийн бөхийн холбооны ерөнхий санхүүчгэдэг албан тушаалд томилогдлоо. Урьд нь манайд тийм өндөр албан тушаал ногдож байгаагүй. Азийн аваргын тэмцээнийг манайх хоёр гурван жилийн өмнөөс жирийн тэмцээ­ний хэмжээнд зохион байгуу­лахаар эрхийг нь авдаг боллоо. Төмөрбаатар шүүгч техникийн зөвлөлийн гишүүн боллоо. Урьд нь А.Басхүү гавьяат л ганцаараа олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч байсан бол 2009 оноос хойш нэгдүгээр зэргийн шүүгч 5-6 бий боллоо. Ирэх жил олимпийн эрхийн тэмцээнийг Монгол Улсдаа зохион байгуулахаар болж байна. Энэ бүхэн манай чөлөөт бөхийн холбооны гадаад харилцаа өндөр түвшинд хүрсний илрэл.

-Төмөрбаатар шүүгч чинь тамирчин Д.Хүдэрбулга, Д.Гомбодорж, Н.Золбоо нарыг харгалзагчтай явж байхад таараад огт тоогоогүй гэгдээд байгаа хүн мөн үү?

-Тэрийг би ёстой мэдэхгүй. Ирэхээр нь өөрөөс нь асуусан дээр байх.

Л.БАТЦЭНГЭЛ