Categories
булангууд мэдээ томилолт

Нарны солонго шиг үзэгдээд өнгөрсөн Чинжигийн Булган хангайгаар…

Түмэн хүн хөлхсөн
галт тэрэгний буудал түжигнээн тачигнаан дүүрэн. Ирж буцах хүний тавилантай
зүйрлэм одох, үдэхийн гэгээхэн гуниг хөшиглөн намиатна. Булган хангайн намар
өглөөгүүр будан хүдэнд нь хөлөө дүрж бууна гэхээс Эрдэнэт чигийн вагонд дөнгөж
суусан атлаа сэтгэл нэг л догдлонгуй. Эргэн тойрноо харвал над шиг догдлонгуй
хүн ч алга. Суудалдаа тухалсан зорчигчид “Одоо явдаггүй юм байх даа” гэж
битүүхэн хүлээсэн хүмүүс. Ер хүний хорвоо гэгч цаг мөч тутам хүлээж догдолж,
урагш тэмүүлэхийн гэгээн заяа гэлтэй. “Улаанбаатар” өртөөнөөс хөдөлснөөс хойш
хажууд тухалсан улаан тэрмэн дээлтэй, бүрх малгайтай хижээл нас­ны ах, сүүлд
танилцахад солонгос, түрэгт найман жил хараар ажилласан гэх залуу, орж ирсэн
цагаасаа ам хуурайгүй хүүрнэх тавиад насны эгч, “Этүгэн” сургуулийн нэгдүгээр
курсын оюутан хүү, Баруунхараа дээр бууна гэх аятайхан бүсгүй гээд хэдий сайн
танихгүй ч бүгд л сэтгэлд дотно санагдана. Ам хуурайгүй эгч Эрдэнэтийн
цагдаагийн томоохон албан тушаалтны гэргий гэнэ. Уурхайн хотхонд урд өдөр нь
үерхдэг бүсгүйгээ, эмээтэй нь, хүүтэй нь сүхдэж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан
тухай өгүүлж, аян замын хамсаатнуудаа түгшүүрлүүлээд авав. “Ийм ноцтой хэрэг
манай сонин дээр гарсан баймаар юм. Эрэн сурвалжлахын Хүрлээ “Балдорж” шагнал
авах гэж хөө­рөөд анзаараагүй өнгөрчихсөн юм болов уу” хэмээн өглөөнөөс хойш их
ажилтайдаа түүртэн гарчиглаж амжаагүй “Өдрийн сонин”-оо үүргэвчнээсээ гарган
шаржигнууллаа. Цагдаагийн даргын эхнэрийн амнаас сонссоноос өчнөөн бодитой,
хэдийнэ бичсэнийг уншаад, золгүй явдалд гуниглаж, эрээн бараан аж төрөл, эгэл
жирийн ардынхаа зовлонг ч алдаа оноогүй бичиглэдэг үзэг нэгтнээрээ бахархах
сэтгэл төрлөө.

Нийтийн вагоны
дотоод долгионоор

“Аргадаж
гэгэлзсэн аялгууг сонсоход

Асгартал уйлмаар болдоггүй ч билүү

Алдаа онооны хатуухан үнэнийг

Атгахан зүрх дэнсэлдэггүй билүү

Эгшиг яруухан
дууны хорвоод

Эмзэг сэтгэл
бөмбөрөөд байх юм аа”

гэсэн ардын жүжигчин Долгорын сэтгэл гэгэлзүүлсэн дуу явж, нэг л амьдрах
энэ хорвоодоо утга учиртай амьдрахын гэгээн учиг хөвөрдөнө. Хүн ер нь юуны
төлөө төрж, юу бүтээж буцнам. Эхийн халуун хэвлийгээс хүй орчлонд унахдаа муу
үйл үйлдэж, эцэг эх, элгэн саднаа зовоох гэж алтан рашаан шиг амьдын агаар
залгилдаггүй байлтай. Ийм нэгэн гуниг сэтгэлийн гүнд огшино. “Тэр залуу яах гэж
энгэртээ наасан энхрий хайртнаа түйвээв ээ. Хэрвээ энэ дууг сонсоод утгын
гүнийг нь мэдэрч чадсан бол тийм булай хэрэг үйлдэхгүй л байх байсан даа”
гэхээс нулимс аяндаа цийлэгнэнэ. Галт тэрэг түжигнэн тачигнан харанхуйн дундуур
урагшлах нь угсраагаар тачигнатал галлах нэгэн хүчит бууны сум хар эрчээрээ хаа
нэгтээ очиж хагацал гунигийг бэлэглэх гэж исгэрэн нисэж явах шиг санагдана. Түг
таг, түг таг. Нэг л түгшүүртэй ч юм шиг нойр ч эс хүрнэ. Дарханы өртөөн дээр
зогсох бүтэн цагийн хооронд таван вагоноор тусгаарлагдан нэгэн харгуйд хамт
яваа гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуяг ахын тусгай өрөөнд зочилж, халуун
элгэн сэтгэлээр хууч баахан хөөрөв. Бид төрийн соёрхолт хөгжмийн зохиолч
Цэдэн-Ишийн Чинзоригийн “Дууны хорвоо” улсын уралдааны зочноор уригдаж яваа юм.
Төмөрөө ах “Чинжигийнхээ “Намрын дурсамж”, “Хорвоод ганцхан ээждээ” дуунуудыг
дуулж хос жигүүртэй явсан залуу халуун өдрүүд минь энүүхэнд юм шиг санагдаж
байна. Танай Хонгор нутгийн яруу найрагч Намжимын Сүхбат бид ч их дотно явлаа шүү дээ.

Чинзориг сүүлд
надад

“Марал мичдийн
анивчаан дундаа

Манхайх саран
гэрэлтэй юм даа

Булгилах
зүрхэнд хүсэл дуудсан

Булбарай чи
минь ганцхан юм даа”

гэсэн үгтэй “Холын од руу харвачих вий дээ” дуугаа өгөхөд нь дуулаагүй.
Налайхын уурхайд осол гарч арваад сайхан залуу эндээд, тэдний нэг
Д.Баасанжаргал гэх залуугийн тэмдэглэлийн дэвтрээс олдсон үг шүү дээ. Би өмнө
нь Чинжигийнхээ гунигтай аялгуутай хэд хэдэн дууг дуулж алдрын моринд дөрөөлөөд
байсан ч нэг л дуулж төвдөхгүй буцааж өгсөн. Харин “Чингис хаан”-ы Жагаа маань
дэндүү сайхан дуулсан даа. Чинзоригийн дуу ер нь л нэг хүний сэтгэлийн
чавхдасыг хөндсөн аятай, цаанаа л нэг амьд байдаг юм даа” гэснээ “Чинжиг минь
их зөөлөн сэтгэлтэй хүн сэн. Яруу найрагч Шагдарын Уянга тэр хоёр нийтийн
унаанд явж байтал нүдэнд хүйтэн нэг залуу ирж дээрэлхэн, сандал дээр нь суугаад
тэр хоёрыг буулгахад унааны мөнгөгүй алхаж явахдаа “Төмөрөө минь байсан бол бид
хоёрыг дээрэлхэж чадахгүй дээ” гэж хоорондоо ярьж явсан байдаг юм, хөөрхий дөө”
гэж нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэв. Энэ л үед Чинжиг аялгуу зохиосон төрийн
шагналт зохиолч Далхаагийн Норовын “Эцсийн тушаал” жүжгийн дууны

“Хүлгийн
сайныг унасан юмсан

Хүний дээд нь
явсан юмсан

Хүүгээ үнсэж
амжаагүй юмсан

Хүслээ гүйцээж
чадаагүй юмсан”
гэсэн
гашуухан үг цээжин цаана огшоод ирлээ. Халхын сайхан дуучинтай уулзаад
харанхуйд вагон руугаа алхаж явахад эгшигийн гэгээт их туурвилчийн аялгуунууд
чихнээ сонсогдох шиг болж сэтгэл нэг л цэлмүүхэн болов. Эрдэнэтийн өртөөн дээр
үүрийн жингээр буухуй намрын өглөө нэг л жихүүхэн. Биднийг тосох унаанууд
хэдийнэ иржээ. Хийл бололтой хөгжмийн зэмсэг үүрсэн хоёр тэрсхэн охин их
хөгжмийн зохиолчийн амьд ахуйдаа харж амжаагүй ихэр үрс Номинцэцэг, Сувданцэцэг
нар ажээ. Эрдэнэтээс цааш Овоотын хөтөл дээр гарч очиход наран сиймгэр пансан
үүлсийн чинадаас мандаж, сайтар ажвал эрдэнийн долоон өнгийн солонго нумлан
татжээ. Хамт яваа хөгжим бүжгийн багш бүсгүйчүүдэд сонин болгон хэлбэл тэгтлээ
тоосон шинжгүй. Намрын сайхан өглөө наран солонго харна гэдэг тийм ч элбэг
тавилан ч биш дээ, хорвоо минь.

Ийм л гэгээн
өглөө Чинзориг хөгжмийн зохиолч

“Алтан бороо
навчис асгарна

Аясын хонгор
салхи үлээнэ

Арын номин тайга дуниартана

Аав л ээжийн
минь нутаг санагдана

Моддын орой
тэндээ шуугина

Могодын айраг
дэргэд шаагина

Хайлан дуулан
суумаар аа

Хангайн сайхан
намар аа”
гэж
сэтгэлийн чавхдасаа хөглөн догдлон алхаа биз ээ. Монгол нутгийн минь баян
хангай Булган чигт намар налайжээ. Айлуудын яндангаас цэнхэр утаа эгц дээшээ
суунаглах нь тэнгэрийн мөнгөн зүү шиг санагдана. Тэртээ дээгүүр нисэн өнгөрөх
онгоцны цагаан утаатай тэр л тэнгэрийн мөнгөн зүү нийлж уярал хайр, учрал
хагацлын эгшгийг хөвөрдөн бүтэн бүрний хорвоог бүрдүүлэх мэт бодогдоно.
“Монголдоо алдартай “дүүгүүр” Гомбосүрэн начингийнх энүүхэн Зоон давааны доохно
шүү дээ. Айраг нь ч өдийд янзын байгаа даа” гэж нутгийн найрагч эгч цаанаа л
амттай тамшаалан, шүлсээ залгих нь шүлгээ уншдагаас нь ч уянгалаг юм шиг.
Айргийн бодон ганзагалсан хужаа мотоцикльтнууд замын дагуу үе үехэн шурхийн
зөрнө. Хөеөгөө зөөх хулгана шиг нэвсийтэл өвс ачсан бичил тэргүүд дэнхэлзэн
ойртож ирснээ сэвсхийн зөрж одно. Түлээ мод овоолон ачсан нэг нь харин нуруугаа
гонолзуулах гуна шиг аажуухан уужуухан урагшилна. Хүйтний улирлыг санаа амар
давах сан гэсэн хүн зоны хөдөлмөр бүтээлийн ид үе хөдөө нутагт айлчилжээ.
Ногоорон дуниарч, хүрэнтэн улаарч, алтран шарласан хөглөгөр моддын хаяагаар
зулзаган жаахан бургас, хуш эгнэсэн нь өвлийн өвөөгөө даган тойрон бүжигт ирсэн
тоодон даашинзтай цасан гоо охид шиг цаанаа л үзэмж төгөлдөр харагдана.

“Нарны
тасархай атгаж

Наадаж тоглосон нутаг юмсан

Насны босго алхаж

Наргиж цэнгэсэн газар юмсан

Өрөл мойлтой
нутагтаа

Өвлөөс урьтаад
очих юмсан

Өсөж торнисон
газартаа

Өвдөг сөгдөөд мөргөх юмсан” гэсэн буурал найрагч Н.Дагвадоржийн
“Нутгаа санах юм аа” шүлэгт нэрт хөгжмийн зохиолч маань ийм л гэгэлгэн намраар
аялгуу зохируулаа болов уу гэх бодол аяндаа төрнө. Чинжиг ер нь хаашаа ч янзын
гэгэлгэн гэгээн, уяхан сэтгэлтэн байсан юм бэ дээ. Аялгуу зохиосон дууных нь
шүлгүүдийг уншихад л аяндаа цээжлэгдмээр, аяыг сураад аялмаар дэндүү уяхан мөрүүд
тааралдаад нулимс мэлмэрэх гээд хэцүү юм. Булган хотын хаалгаар оров уу, үгүй
юу л төв засмалын дагуу Чинжигийн зураг хаа сайгүй өлгөөтэй харагдаж, “Дууны
хорвоо-2” гэсэн зарлалын хулдаасан хөшгүүдийг ирийтэл татжээ. “Ямархан хүү
төрүүлсэн”-ээ эх нутаг нь ийн гүнээ хүндэтгэжээ.

Есдүгээр сарын
18-ны өглөө “Булган” зочид буудалд аяны тоосоо шилгээсхийгээд аймгийн Хөгжимт
жүжгийн театрыг зүглэлээ. Булганчууд бүгд нэгэн дор цуглаа юу гэлтэй
хүн-цэцгийн хүрээлэн үүсчээ. Нийслэлд тэр бүрий нэгэн зэрэг таараад байдаггүй
ардын жүжигчин Н.Жанцанноров, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, ардын
жүжигчин Ш.Чимэдцэеэ, Самбуу, гавьяат жүжигчин, СУИС-ийн профессор
А.Ичинхорлоо, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, урлагийн гавьяат зүтгэлтэн,
хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Т.Сэр-Од, Дархан хотын “Залуучууд” театрын дарга,
гавьяат жүжигчин Н.Түвшинтөгс, гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, Ц.Өлзий-Орших,
Үнэнхүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Р.Энхбазар, Буянхишиг,
соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, яруу найрагч У.Булган,
Ж.Батцэцэг, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын удирдаач, хурандаа Б.Ганхуяг,
Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Х.Алтангэрэл, Буриад улсын
гавьяат жүжигчин Долгормаа, хөгжмийн зохиолчийн эгч Ц.Цэнд-Аюуш, гэргий
Д.Ганмягмар, хүргэн ах Батбаатар, ангийн багш Хандсүрэн, Цэгмид, ихэр охин
нарын хүндэт зочид, улсын уралдаанд оролцохоор ирсэн Өвөрмонгол, ОХУ-ын Буриад,
Монгол Улсын 89 мэргэжлийн дуулаачид. Монголын хөгжмийн их суутан, Могодын
тэнгэрлиг аялгууч, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн
нэрэмжит “Дууны хорвоо-2” олон улсын уралдаан

“Идэр омголон
насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй билүү

Эндүү андуугийн халуухан харгуйд

Эргээд санахад харамгүй л билүү

Уянга яруухан
дууны хорвоод

Удаан
амьдармаар санагдах юм аа”

хэмээн тэнгэрийн их найрал эгшиглүүлэн ёслол төгөлдөр эхэлвэй. Багадаа
“Төмөртогоо” нэртэй байсан Чинзориг агсан түмэн зөгий, буман эрвээхэйг урин
даллах анхилуун балт цэцэг мэт хүмүүний дээд хөгжмийн гэгээн билигтэн байсныг
сэтгэлдээ бахархлын цуурайтай, нүдэндээ уярлын нулимстай харан баясав, би. Ай,
бараан бүхэн сарнин арилах аялгуу дууны хорвоо мину.

Уралдаан
эхлүүлээд хөгжмийн зохиолчийн багш Н.Жанцанноров, их туурвилчийн уран бүтээлийн
анд Б.Шарав нараар тэргүүлүүлсэн урлаг соёлынхон Ц.Чинзоригийн сурч байсан
нэгдүгээр сургууль, “Эрдэм” ахлах цогцолбор сургуулийн багш сурагчидтай уулзаж
халуун дулаан дурсамжаа хуваалцав. Булган хотын соёлын төвд мөн Чинжигийн
сурагч ахуйн ангийн хорин зургаан найзтай, олон түмэнтэй чин сэтгэлийн
хөөрөлдөөн үүсгэв. Дурсамж хөөрөлдөөн инээд хөөр, баяр гунигийн сувдан нулимс
дүүрэн өнгөрөв. Чинжиг ер нь их алиа, жигтэйхэн шооч хүн байсан гэнэ. Ганц
жишээ дурдахад л анд Шарав нь хань Ганмягмарыг нь гуйгаад ирэхэд “Зуу татдаг
нь манайд байна

Зурагтаар
гардаг нь танайд байна

Дуу зохиодог
нь манайд байна

Дурлалдаа
шатдаг нь танайд байна

Авгай сольдог
нь манайд байна

Авч суудаг нь
танайд байна”
гэж
гуйв уу хө гэж өөрийгөө хүртэл онигоонд оруулчихсан сууж байсан гэнэ. Төрийн
соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын
уралдаан хоёр өдрийн турш дуу хуураар цалгисны эцэст Цэргийн дуу бүжгийн
эрдмийн чуулгын дуучин Б.Батбаатар тэргүүн байр, таван сая төгрөг, цорын ганц
хувь Чинзоригийн дүр бүхий цомын эзэн болсон. Удаах байруудад аймгийн Хөгжимт
жүжгийн театрын дуучин Б.Чинсанаа, Үндэсний дуу бүжгийн чуулгын дуучин, соёлын
тэргүүний ажилтан П.Баярмагнай, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин
Д.Содномдаржаа, Улсын филармонийн дуучин Т.Отгонбаяр нар шалгарсан юм. Булган
хангай нутгаас хүлгийн жолоо залахад “Мөнгөн сартай уйтан замбуулинг

Мөнхийн юм шиг
санаагүй л билүү

Сүүдэр гэрлийн
алагхан заяаг

Сүүмэлзээд
өнгөрөхөд гунихгүй л билүү

Айзам яруухан
дууны хорвоод

Ахин дахин
төрмөөр байх юм аа”

гэж амандаа аялсаар унаандаа суув. Бүтэн хоёр хоног энэ дууг чагнасаар чихэнд
хоногшсоных ч биш аяндаа л сэтгэлд нэгийг өгүүлж аялагдаад байсан даа. Ай,
Чинжиг гэж аугаа тэнгэрийн туурвилч юм даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Балдорж” шагналт сэтгүүлч Энхбаатарын Хүрэлбаатар: “Өдрийн сонин”-ы томилолт өвөртлөн Монголын дөрвөн зүг, найман зовхист хөл тавьжээ

Монголын
сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олго­дог “Балдорж” шаг­налын эзнээр тодорсон
“Өдрийн сонин”-ы сэт­гүүлч Энхбаатарын Хүрэл­баатарmай хөөрөлд­лөө. Монголын
сэтгүүлчдийн 280 гаруй шилдэг бичлэг, нийтлэлээс түүний бичиж туурвисан “Зүүн
гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би
Монгол Улсаа дэлхийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”,
“Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” зэрэг нийтлэлүүд нь шилдгийн шилдгээр шалгарч
нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн дүр
бүхий алтан тэмдэг, болор цом, 5000 ам.долларын шагналын эзэн болсон юм.

-Монголын
сэтгүүлзүйн Пулитцерийн шагнал гэгддэг Балдорж шагналын эзэн болсонд баяр
хүргэе. Уншигчидтайгаа сэтгэгдлээ хуваалцаач?

-Энэхүү нэр
хүндтэй шагналыг Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс гардан авсанд маш их баяртай байна. Сэтгүүлч хүнд хийсэн
бүтээлдээ дүн тавиулах шиг сайхан зүйл юу байх билээ. Монголын сэтгүүлзүйн үүд
хаалгыг цэлийтэл нээж өгсөн “Өдрийн сонин”-ы хамт олондоо талархаж байна.
“Балдорж” шагналын гран приг өмнө нь Монголын нэрт нийтлэлч Жамбалын Гангаа ах
маань хүртэж байлаа. Мөн шилдэг аравт соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян, “Болор
цом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, энэ цагийн нэртэй сэтгүүлчид болох
Г.Дэлгэрцэцэг, Б.Цэцэгдэлгэр нар шалгарч байсан. Энэ удаа Н.Гантулга ах маань
шилдэг 20-д “Чөлөөт хэвлэлийг туших чөдрийн тоо нэмэгдсээр байна” сэтгүүл зүйн
цуврал нийтлэлээрээ багтсан. “Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэг монголын
сэтгүүл зүйг гутааж байна” гэх “Өдрийн сонин”-ы редакцид гаднаас өгсөн
материалыг Гантулга сэтгүүлчийн бичсэн материал мэтээр зарласанд ихэд гайхсан
шүү. Миний бие нэрт сэтгүүлч С.Батмөнх агсны үүсгэн байгуулсан “Их Монгол” дээд
сургуульд оюутан байхаасаа эхлэн сэтгүүлч мэргэжлээр ажиллаад арван жил болжээ.
Арван жилийн хугацаанд сэтгүүлзүйн чамгүй олон бүтээл хийсэн байна. Сэтгүүлзүйн
дээд “Балдорж” шагнал гардсан маань энэ арван жилийн хугацаанд бичсэн бүхний
минь дүн гэж ойлгож байна.

-Өөрөө хөдөө
гадаа томилолтоор их явдаг “хөл урттай” сэтгүүлч шүү дээ. Монгол орны дөрвөн
зүг, найман зовхист очоогүй газар гэж байна уу?

-Манай сонины нэг
гол онцлог байдаг л даа. Монгол орны хаана, юу болж байгаа тэр л халуун цэг
бүхэнд цаг алдалгүй шуурхай хүрч очиж, үнэн бодит мэдээллийг уншигчдадаа
хүргэдэг.

Хэвлэл мэдээллийн
бусад хэрэгсэл ихэвчлэн Улаанбаатар дотроо л эргэлдэж байхад “Өдрийн сонин” л
хөдөө орон нутгийн аж амьдрал, ахуй байдлыг олон нийтэд таниулдгаараа давуу
талтай, хэвлэл мэдээллийн хүчирхэг байгууллага юм. Монголын нэрт сэтгүүлч
Жамбалын Гангаа ах маань хөдөө орон нутагт аялж, амттайхан нийтлэл, уншууртай
аян замын тэмдэглэлүүдээ уншигчдад хүргэдэг байсан. Тэр сайхан үйлсийг
залгамжилж манай сонины олон сэтгүүлч Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч
ажилласны нэг нь л би юм даа. Миний хувьд 21 аймгаас гадна хөл тавьж үзээгүй
сум бараг байхгүй шахуу тэнэсэн хүн.

-Өргөн уудам
эх нутгийн­хаа дөрвөн зүгт, найман зовхист очсон хүний хувьд аяны богц
дундуургүй бай­сан нь тодорхой. Балдорж шагнал авсан “Зүүн гур­ван аймгийн
хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмт­рээд дуусч байна” цуврал нийтлэлээ
гэхэд наран ман­дах зүгээс бэлдсэн дээ..?

-“Өдрийн сонин”
амьтанд ээлтэй, байгаль хамгаалах талаар асуудал их дэвшүүлдэг. Цагаан зээр
гэдэг “Улаан ном”-ын амьтан дэлхий дээр Монголын дорнод хязгаарт л ихэнх нь
байдаг. Гэтэл хүнд ямар ч гэм зэмгүй хөөрхий эл туруутан хүний буруутай үйл
ажиллагаанаас болж үй олноороо хиарч байна гэсэн мэдээллийн мөрөөр өнгөрөгч оны
арванхоёрдугаар сард томилолт өвөртлөн Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг зүүн
гурван аймгийг зорьсон юм. Хялганат талын чимэг болсон цагаан зээрийг
социализмын үед цэргийн хүнсэнд болон хорих ангиудын хүнсний хэрэгцээнд үй
олноор нь хяддаг байсан. Сүүлийн хориод жилд бүүр ч хууль журамгүйгээр устгаж
эхэлсэн мэдээлэл гарах болсон. Тэнд чухам цагаан зээрийг хядаж байгаа нь үнэн,
худлыг нүдээр үзэхээр дүн өвлөөр долоо найм хоног бэдэрсэн хэрэг. Цагаан зээр
нэлээд турж эхэлж байсан үе л дээ. Зориод очтол хууль хяналтын байгууллагаас
зарласан цагаан зээр агнах хорио тавигдаад, ид хядлагын цаг нь эхэлчихсэн
байсан. Уул уурхайн компаниуд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих
ангиуд, цэргийн анги зэрэг олон ажилтан, албан хаагчдад хоол бэлтгэдэг байгууллагаас
өгсүүлээд нэлэнхүйдээ хядаж байлаа. Хүнд даацын ачааны машин дагуулсан жийпнүүд
цонхоороо байлдааны АК буугаар цагаан
зээр рүү шүршиж байгааг харах үнэхээр нүд хальтрам байлаа. Хүмүүсийн хувьд маш
зэрлэг. Цагаан зээрийг буудаж унагаад үхээгүй байхад нь л хүзүүг нь нуга дарж,
хоёр залуу дөрвөн хөлнөөс газар хөндийрүүлж, гуравдагч этгээд өвчүүнийх нь
бүдэрхийнээс доош нь хутгаар гэдсийг нь
хүү татаж хаяад хэдхэн минутын дотор л цагаан зээрийг цустай нь хутгаад машины
тэвшин дээр чулуудаад байгаа юм. Ийм зүйлтэй олон таарсан. Дээр нь сэтгэл
эмзэглэмээр нэг зүйл бол Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн мянгат малчдын илүү
гэрт нь цагаан зээрийн мах овоолгоостой байгаа юм. Тэд малаа идэхгүй цагаан
зээрийн махаар хооллоод байдаг. Олон малтай айлд буугаад мордоход тогоо дүүрэн
цагаан зээрийн махыг ид гээд ур­даас түлхэх жишээтэй. Хотод байгаа оюутан
хүүхдүүддээ цагаан зээрийн махыг адууных­тай холиод ид гээд өгөөд явуулчихдаг.
Мөн Монголын урдаа барьдаг нэр алдартай уяачид Дорнод, Хэнтий орчмоор отроор
нутагладаг. Тэд адуучдынхаа хоол хүнсэнд зээрийн мах хэрэглэдэг. Дөнгөж арван
нас хүрч байгаа болов уу гэмээр жаахан хүүхдээ аав нь “Эр хүн багаасаа сайн муу
юм үзэг” гэж эрхлүүлээд буу бариулж машиныхаа цонхоор цагаан зээр буудуулж
байхтай ч таарсан. Ийм зүй бус явдлуудыг харж сэтгэл сэмэрч явлаа.

-Өөрийн чинь
яриа Чингиз Айтматовын “Цаазын тавцан” романд бөхөн хядаж байгаа­тай л адил
аймшигтай сон­сог­дож байна. Газар дээрээ хууль журам огт үйлч­лэх­гүй байсан
байх нь ээ?

-Зүүн аймгуудын
нутгаар явж байхад шөнийн цагаар хөндий талаар гэрлүүд сүлжилдээд л машинууд
давхиад байдаг. Бүгд хууль бус анчид. Үүнийг хууль хяналтын байгууллагынхан ч
тоохоо больчихсон байсан. Тэр их цагаан зээрийг яагаад хядаад байсан гэхээр
Улаанбаатар хот руу зөөж борлуулдаг бүхэл бүтэн сүлжээ бий болчихсон байсан.
Энэ бүхэнд сэтгэл эмзэглэж таван цуврал нийтлэл бичсэн маань өнөөдөр үр дүнгээ
өгсөн. “Өдрийн сонин”-д гурван нийтлэлийн мөрөөр УИХ, холбогдох яамд, хууль
хяналтынхан бодлого, хяналт шалгалтын олон ажил хийсэн.

-Өмнийн цэнхэр
говиос хийсэн сурвалжлагууд чинь бас даацтай болсон санагддаг?

-Гадаадын хөрөнгө
оруулалттай уул уурхайн компанийн ажилчин залуу архи ууж согтуурсан үедээ машин
унаж яваад малчин айлын гэр дайрч, дөрвөн хүний амь насанд хүрсэн ноцтой хэрэг
гарсан. Энэ талаар сонсоод орой нь Өмнөговийн унаанд сууж өглөө үүрээр
Баяндалай сум руу хөдөлж, хэргийн газар дээр очсон. Үнэхээр сэтгэл эмзэглэмээр
юм чинь л тэр байсан. Ээжийнхээ мөөмнөөс гараагүй нялх үрээс авахуулаад долоо
найман хүүхэд ээжгүй хорвоог туулах гашуун тавилантай учирсан байлаа. Архи
уусан нэг нөхрийн болчимгүй үйлдлээс болж нэгэн гэр бүлийн гурван охин,
хүүтэйгээ өнгөрчихсөн байсан. Өмнөговь чинь цэлийсэн цэлгэр говь шүү дээ.
Тэгэхэд л тэр тэнүүн уудамд ийм бачуухан явдал болсон байдаг юм.

-Сэтгүүлч хүн
ч хэцүүхэн зүйлтэй их таарна шүү. Үлэг гүрвэлийн ясны хулгайчдын сүлжээг
илрүүлсэн талаараа хүүрнээч?

-АНУ-д “Монголын
говиос авчирсан динозавр, батаарын ховор яс, өндөг хэдэн зуугаараа байна.
Монголоос ирсэн гэдэг нь тогтоогдлоо” гэж дэлхий нийтээр шуугиж эхлэх үеэр
Өмнөговийг хоёр дахиа зорилоо. Дэлхийд динозавр, батаарын яс Энэтхэг, Монгол хоёроос л олддог юм байна.
Энэтхэгийн яс хар хүрэн өнгөтэй, Монголоос олдсон нь цав цагаанаараа байдаг юм
байна л даа. Гурвантэс сумын Нэмэгтийн хөндий, Зуунмод, Зулганай, Хэрмэн
цав гэдэг газар үлэг гүрвэлийн яс олноор
олддог эх уурхай нь гэдгийг судалж мэдээд зургадугаар сарын дүн халуунаар
автобусанд суугаад хотоос гарсан. Есөн зуун километр зам муутай газрыг
дэржигнүүлэн туулж, сумын төвөөс туулах чадвар сайтай гэж Мал эмнэлгийнх нь
унаа болох оросын “аавын цээж” хөлслөөд Нэмэгтийн хөндий рүү гараад өглөө. Уг
нь төрийн тусгай хамгаалалттай газар гэсэн статустай, байгаль хамгаалагч нь
гээд 60 гаруй насны хоёр хөгшин байгаа юм. Тэр бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр хэн
ч орох эрх байхгүй газар шүү дээ. Тэгэхэд л хүн амьтан хөлхсөөр улаан тоос
болчихсон газар угтсан. Тэр хөндийг динозаврын яс, өндөг авахаар хаа сайгүй
ухаад хаячихсан, энд тэндгүй наалдан падын сав овоолчихсон байсан. Үлэг
гүрвэлийн ясны наймаагаар гаршчихсан нөхөд ясыг нь ухаж гарган ирээд наалдан
пад цацаж өнгөн хэсгийг нь бэхжүүлээд ачаад аваад явчихдаг. Асар том яс гарсан
нь ойлгомжтой том нүхнүүд байгаа юм. Нутгийнхнаас асуухаар “Манай энд
динозаврын ясыг чинь ченжүүд шиг авдаг ш дээ. Сүүлний нэг үе олдвол төдөөр авна
гэсэн тусгай ханштай” гэж байгаа юм. Намайг очихоос өмнө гэхэд фургон машинд
багтахааргүй асар том динозаврын толгой олоод, арынх нь хаалгыг хаалгүй сумын
төвөөр хэд хоног давхиж байгаад Шивээхүрэнгийн боомтоор Хятад руу гаргасан
тухай ярьж байсан. Үлэг гүрвэлийн ясны улс, тив дамнасан сүлжээ байна гэдгийг
ингэж олж сурвалжилсан. Шивээхүрэнгийн боомтоор нүүрс ачдаг хүнд даацын машинд
нүүрсэн доор нуугаад хил давуулдаг гэж байгаа юм. Өдөрт мянган машин гарч
байхад хяналт тавих ямар ч аргагүй. Монголчууд нутагтаа маш хямдхан үнээр
зардаг, хятадууд цааш нь Зүүн Европ, Америк руу гаргадаг олон улсын гэмт
хэргийн сүлжээний учиг зангилааг тайлан эрэн сурвалжилж байсан. Мэргэжлийн
хяналтын нэг байцаагч динозаврын яс ачсан машиныг саатуулсны улмаас цагдаа нарт
дарамт­луулж, ажлаасаа халагд­сан тохиолдол ч гарч бай­сан юм билээ. Дэлхийн
палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь хэзээ ч бүрт­гэгдээгүй асар том
динозаврын сарвуу олдсон. Одоо дэлхийн үлэг гүрвэлийн ясны гэмт хэргийн
ертөнцийнхөн энэ аварга сарвууны эх биеийг Нэмэгтийн хөндийгөөс хайж байгаа.
Хэрвээ тэр яс гадагшаа гарчихсан бол үнэхээр харамсалтай юм даа.

-Гурван сая
дахь иргэний тухай сурвалжлагыг Өмнө­говьд очиж хийж байсан даа?

-Сэтгүүлч хүн
гэхээр л дандаа бараан зүйлийн араас яваад байдаггүй нь сайхан шүү. Монгол
Улсын гурван сая дахь иргэний аав, ээжийн таван үеийг судлан бичиж байлаа.
Миний ажигласнаар Монголжин охины аав, ээж таван үеийн айлын ууган хүүхдүүд
байсан нь сонирхол татаж байлаа. Монголжин охиныг төрд албан ёсоор бүртгүүлэхээр
аав Хатанболдтой нь өрхийн эмнэлэгт давхиад ортол эмч нь Э.Хатанболдыг
танихгүй тачигнатал загнаад хөөгөөд
гаргадаг юм. Юун Өмнөговь аймаг байтугай Монгол даяар шуугиж байхад тэр эмч
иргэнээ бүртгэх тамгаа ч гаргахгүй загнаж гарсан. Тэгснээ гэнэт танингуутаа
“Байхгүй” гэж ширээндээ хав дарж байсан тамгаа гаргаж ирж сүйд болоод л
хөгжилтэй, гэгээн дурсамж үлдээсэн шүү. (инээв.)

-Монголын
хамгийн олон ямаатай суманд очсоноо яривал сонин доо?

-“Хүрэн морь”-ны
Лхамсүрэн, төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэв­сүрэн нарын агуу уран
бүтээлчдийн өлгий нутаг Баянхонгор аймгийн Баацагаан сум ямаагаараа улсад
тэргүүлсэн жил л дээ. Ноолуураа аймагт бөөндсөн залуучууд шөнөжин архидсан
унаанд сууж явсаар Баацагаан суманд шөнө дүлээр очоод таних хүн нэг ч байхгүй болохоор төрийн захиргааны байгууллагуудыг үүдээ
нээтэл дөрөв таван цаг гудамжинд сууж хүлээсэн адал явдал байна шүү.

-Говь-Алтайн
Дэлгэрийн талд алтны нинжа нартай шөнөжин “байлдсан” тухай бас л бичиж байсан
даа?

-Газар газрын
мянга гаруй хувиараа алт олбор­логч цуглачихсан, Говь-Алтай аймгийн цагдаагийн
байгууллага бүрэн бүрэл­дэхүү­нээрээ ажиллаж байсан халуун цэг л дээ. Тэр шөнө
жигтэйхэн хүйтэн маарласан үе байлаа.

-Маарлана гэж
юу гэсэн үг вэ?

-Долгиотсон будан
татахыг маарлана, маар татах гэдэг юм байна л даа. Энд тэндээс гэрэл цуглараад
байгаа. Нинжа нартай нь очиж уулзлаа. Зузаан дээл хувцастай явсан болохоор
өөрсдийнхөө л нэг гэж бодож байгаа юм. Цагаан сар дөхчихсөн, хамаг юмаа
ломбардаад ирчихсэн, халаасандаа зуун ч төгрөггүй залуус 1200 километрийн
цаанаас ирчихсэн ч байх шиг. Зарим нь портер маши­ны тэвшин дээрээ эсгий
дэвсээд дэрийтэл суучихсан өрөвдөлтэй улс байгаа юм. Шөнө болуут “Газраа
ухуулахгүй бол хохь нь шүү” гэсэн яахаас ч буцахгүй шижигнэсэн залуус цагдаа
нар руу чулуун мөндөр буул­гаад, би цагдаад бороо­хой­дуул­чихалгүй, нинжа
нарын чулуунд нь тархиа хагалуулчихалгүй дунд нь хоносон шөнө одоо бодоход
байлдаантай кино шиг л санагддаг юм.

-Баруун
аймгуудын хаагуур томилолтоор явж байв?

-Монгол Алтайн
нурууны цаана орших Ховд аймгийн Булган, Үенч, Алтай сумдын ард иргэдийнхээ аж
амьдралыг сурвалжлахаар явж байлаа. Алтайн нурууны Үенч, Бодончийн их хавцлын
байгалийн гайхамшиг, сүрлэг нутагтаа эзэн болсон торгууд, урианхай, халх,
хасаг, өөлд олон ястан оршин суудаг тэр сайхан нутаг одоо ч нүдэнд харагдаж
байна. Алтай сумын төв намагтай газраас нүүж, цэлгэр сайхан ногоон дэнж дээр
буурилан байгаа ажил үйлстэй танилцаж, Үенчийн усан цахилгаан станцыг харан нүд
баясгаж явсан.

-Булган суманд
тэр жил нэг аюултай явдал болж, төрийн сүр хүчийг үзүүлдэг бил үү?

-Ерөнхий
боловсролын сургуулийн гурван хүү дэлгүүрээс хулгай хийснийхээ дараа төрийн
цагдааг буудаж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Үүний улмаас Булган суманд
онц байдал тогтоож, сумын иргэдийг хашаанаасаа гарахыг хориглон, гудамжны өнцөг
болгонд байлдааны хэрэгслээр тоноглосон цагдаа нар хяналт хийж, танктай
цэргүүдээр мануулсан тохиолдол гарсан байдаг юм. Яг л тэр жилийн долдугаар
сарын 1-нийх шиг үйл явдал болсон байдаг.

-“Хүүгээ
тэвэрсэн ээж үхэлтэй тэмцэлдэн урссаар ОХУ-ын хил давжээ” сурвалжлага чинь олон
ч элгийг эгшээж, нулимсыг барсан даа?

-Тийм ээ. Найман
сартай хүүгээ элгэндээ тэвэрсэн ээж зургаан цаг Сэлэнгэ мөрний шуугисан их
урсгал дунд ширээний тавцан шиг мөсөн дээр суучихаад аврал эрэн уйлж явсан
байдаг. Айлын үнээ сааж өгөөд хөлсөнд нь сүү авдаг. Тэр сүүгээ аймгийн төв
оруулж борлуулаад амьдралаа болгодог залуу хосууд. Сэлэнгэ мөрний усыг гаталчих
юм бол арван километр яваад л аймгийн
төв орчихно. Харин гүүрээр гарах бол 80 километр явна. Сүүгээ зарчихаад буцаж
явсан найман хүн Сэлэнгэ мөрний мөстөж хөлдсөн хэсгээр гарч явтал мөс доош
цөмөрчихсөн. Хүүхдээ тэвэрсэн Н.Саран­чимэг усанд живэх шахаад ширээний тавцан
шиг мөсөн дээр гараад суучихсан. Цэрэн­ням гэх 57 настай эмэгтэй ч мөн адил
мөсөн дээр элгээрээ тэгнэж хэвтээд амь гарсан байдаг. Ингээд Мөсөн дээр хүн
урсаад гол уруудаж байна гэх дуудлагыг Онцгой байдлын газарт цаг алдалгүй
мэдэгджээ. Онцгойгийнхон ч хэдхэн минутын дотор давхиад ирсэн. Гэтэл ирсэн алба
хаагч дунд нэг ч мэргэжлийн хүн байхгүй. Голд урсаж байгаа хүнийг яаж аврах
тактик мэдэхгүйгээс болоод хий дэмий дагаж гүйсээр харанхуй болгочихсон.
Саранчимэг гэх бүсгүйтэй урд хойноо орон голын урсгалд туугдаж дөрвөн цаг
орчим явсан Цэрэнням гуайтай уулзсан.
Монгол эмэгтэй хүний зориг тэвчээр, эх хүний үрээ гэх сэтгэл ямар агуу юм бэ
гэдгийг ярианаас нь мэдэрч байлаа. Голын усанд
унаад үстэй дээл нь норчихсон. Хөдлөх л юм бол сууж байгаа мөс нь
холбирчих гээд байдаг. Голдоо ортол даарчихсан мөртлөө дээлийнхээ энгэрийг задгайлж,
хүүдээ бүлээн сүүгээ уулгаж, “Хүү бид хоёрыг аварчих л даа. Бид хоёр амьд явна”
гэж аврал эрэн явсаар Монгол Улсын хилээр гараад явчихсан байдаг. Тэр эмэгтэйд
хүүхдээ голын зах руу шидээд өөрөө амьд гарах боломж байсан. Гэвч арван сар
тээж төрүүлсэн алаг үрээ ус руу шидэх зориг эх хүнд байхгүйг тэндээс харсан.

-Онцгой
байдлынхан хүн аврах нь битгий хэл өөрсдөө голын бургасанд төөрөөд баларсан
гэсэн биз дээ?

-Осол гарах үед
тэнд байсан хүмүүс үүнийг хэлж байгаа юм. Өвлийн эхэн сард өмсөх зузаан хувцас
байхгүй. Багаж хэрэгсэлгүй, хоорондоо холбоо барих станц битгий хэл гэрэл
гаргах гар чийдэн ч байхгүй хүмүүс хүн аврах гээд очсон байдаг. Сэлэнгэ аймгийн
Онцгой байдлын хэлтэс ганц хийлдэг завьтай. Тэр завины нөхөөсийг тоолж үзэхэд
57 нөхөөстэй байсан. Ах, дүү, хамаатан, садангаа онцгой байдлын хэлтэст ажилд
аваад мэргэжлийн хүн байхгүйгээс болж ээж хүү хоёр ор сураггүй алга болсон нь
харамсалтай. Үнэндээ бол амиа алдсан байх л даа.

-Минжийн
хангайн хөвч тайгад Хөвчийн хар гэх байгаль хамгаалагчтай арав гаруй хоног
явсан сурвалжлага бас л шуугиан дэгдээж байсан?

-Сэлэнгийн Хонин
нугад 20 гаруй жил байгаль хамгаалагч хийж
байгаа Мягмарсүрэн гээд 50 эргэм насны ах байдаг юм аа. Хүмүүс Мийгаа
ахыг Хөвчийн хар гэж дууддаг. Тэр хүнтэй Хэнтийн нуруу, Минжийн хангайн хөвч
тайгаар арав гаруй хоног явсан. Монгол орны байгаль ямар үзэсгэлэнтэй юм бэ
гэдгийг тэндээс харсан. Уулын орой дээр суучихаад харж байхад уулын энгэрт
бамбаруушаа дагуулсан хүрэн баавгай халиар идэж байх. Модны захад бугын сүрэг
идээшилж, модноос мод дамжин хэрэм дүүлээд, сүрлэг хандгай усанд орж байгааг,
тув тунгалаг голын усанд метр хэрийн урттай тул загас сэлж байхыг харах үнэхээр
сайхан байсан. Яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг байгалийн диваажинд очсон юм шиг сэтгэгдэл
төрж байлаа.

-Тэндээс
буцаж ирээд “Хөвчийн харыг хаа таарсан
газар нь өчиггүй бууд” гэсэн гарчигтай олон цуврал сурвалжлага гаргаж байсан
санагдаж байна. Яагаад нийтлэлээ ингэж гарчигласан юм бэ?

-Хууль бус анчид
Хөвчийн хар ахыг үзэхгүй. Байгаль, ан амьтнаа хамгаалаад тэдэнтэй үздэг, бүр
буудалцаж байсан тохиолдол ч байдаг юм. Хууль бус анчид модон дээр, хөвчид
модоор барьсан урцанд “Хөвчийн харыг хаа таарсан газар нь өчиггүй бууд” гээд
нимгэн төмөр дээр будгаар бичээд өлгөчихсөн байсан. Энүүгээр л сурвалжлагынхаа
гарчгийг өгчихсөн юм. Нисдэг тэрэгнээс
өөр унаа хүрдэггүй Минжийн хангайн застав хүртэл мориор явахдаа бороонд
цохиулж, явган алхах­даа алхаж хүрсэн. Үнэхээр сайхан яваад ирсэн. Монголын
байгалийн диваажин хөвчид л байдаг юм байна лээ.

-Өөрийн чинь
яриаг сонсоход “Сэтгүүлч хүн хөлөөрөө хоолоо олж иддэг” гэсэн ахмад үеийнхний
үг өөрийн эрхгүй бодогдож байна.

-Миний амьдралын
дур­самжтай, гунигтай, мартагдашгүй гэрэл гэгээтэй мөч хормууд сэтгүүлчийн
амьдралтай нэгэнт холбогд­жээ. Энэ бүхэн сэтгүүлч болсны минь, тэр дундаа
Монголын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллага “Өдрийн сонин”-ы минь ач буян. Манай сонины
хувьд хаана үйл явдал болж байна тийш нь сэтгүүлчээ томилолтоор явуулдаг.
Халуун цэгээс мэдээллээ цаг алдалгүй хүргэх гэж бид машин, онгоц, морь, мотоцикльтой
явдаг. Ингэж явсны үр дүнд Монголын хэвлэл мэдээллийн бодлогыг тодорхойлж
байдаг. Бидний ингэж явсан сурвалжлагыг бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл эх
сурвалж огт дурдалгүй аваад тавьчихсан байдаг. Уншигчдадаа амьд­ралын чин
үнэнийг таниулж мэдүүлэхийн төлөө үнэнийг л өгүүлдэг “Өдрийн сонин” цаашид ч
иргэдийнхээ итгэлийг алдалгүй, захиалагч­даа хүндэтгэн авьяаслаг сэтгүүлчдээ
үнэний эрэлд илгээсээр байх болно гэсэн сайхан үгээр яриагаа өндөрлөе дөө.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дулмаа: Мянган төгрөгийн хандиваар цэцэрлэг барих санаачилга минь Монгол орон даяар түгээсэй

“Хонгор нутгийн үрс-нийгмийн үйлчилгээ” төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Дулмаатай холбогдож хөөрөлдлөө.

-Таныг төрийн бус байгууллага байгуулж, мянган төгрөгийн хандиваар хүүхдийн цэцэрлэг бариулж байгаа гэж сонслоо. Улсын төсөвт хүртэл цэцэрлэг, сургуулийн зардал суулгахад бэрх болчихсон үед ийм сайхан сэтгэл гаргах болсон нь сонирхол татаж байна л даа?

-Баярлалаа. Би Баян­хонгор аймгийн Нэгдсэн эмнэл­гийн дотрын их эмчээр ажилладаг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч жирийн л нэг монгол эх. Монголчууд “Сайхан сэтгэлийн үзүүрт тос” гэдэг бэлгэшээлтэй ард түмэн. Манай Баянхонгор аймгийн төвд 2-5 насны 7705 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас зөвхөн 4337 хүүхэд хамрагдаж, 3368 хүүхэд цэцэрлэгт огт хамрагдаж чадахгүй байсаар зургаан настайдаа сургуульд орж байгаа юм. Хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйн улмаас олон эцэг эхчүүд, ялангуяа залуу эмэгтэйчүүд, ээжүүд ажил хийх боломжгүй болж, энэ нь өрхийн орлогод сөргөөр нөлөөлж, амьжиргааны түвшин доогуур байх нэг шалтгаан болж байгаа юм. Нөгөө талаас хүүхдүүд бие биеэ харж гэртээ цоожлогдон үлдсээр ахуйн осол гэмтэлд өртөх, хүчирхийллийн бай болох явдал эмэгтэйчүүд бидний санааг маш их зовоох болсон. Иймээс нутаг орондоо бага ч гэсэн хувь нэмрээ оруулах зорилгоор улсын төсөв харахгүйгээр хандив цуглуулан 100 хүүхэд хүлээж авах хүүхдийн цэцэрлэг бариулах санаачилгыг 2014 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан л даа.

-Зуун хүүхдийн цэцэрлэг барихад багагүй төсөв шаардагдах байх. Та тийм баян хүн үү?

-Цэцэрлэгийн нийт төсөв 470 сая төгрөг л дөө. Мэдээж над шиг төсвийн байгууллагад ажилладаг жирийн нэг эмч хүний тухайд зүүдэнд ч орохгүй мөнгө л дөө. Гэхдээ багтаж ядсан хөрөнгөлөг хүмүүсийн нэг үдэш казиногийн мөрийд алдаж, бөх, морь байлдаг, аймаг сумын ойгоор ямар ч үр ашиггүй цацдаг тэр их мөнгөний дэргэд үдийн будаа л гэсэн үг шүү дээ. Энэ санал маань маш их бэрхшээлийг туулж явсаар өнөөдрийг хүрч санасандаа хүрч хараахан амжаагүй ч боломжийн хэмжээнд явж байгаа. Тохиолдсон бэрхшээл гэвэл аймгийн Ардчилсан намын хорооны хурал дээр анх танилцуулж ярихад зарим нэг нь шоолж, зарим нь бүтэхгүй сонин зүйл санаачиллаа, хаанаас 500 сая төгрөг босгоно гэж гээд л олон өнцгөөр хүлээж авсан. Намын хорооны наян гишүүний хурал дээр би бүр хоолой зангираад уйлах шахсан. “Би ямар өөртөө гэр орон бариулах гэж байгаа биш дээ. Та нар тэр байтугай гарт баригдаж, нүдэнд харагдахгүй зүйлд мөнгө гаргадаг биз дээ. Яагаад бид хүүхдүүдийн төлөө ийм буяны ажил хийж болдоггүй юм бэ” гэж хэрдээ их бухимдаж байлаа. Харин аймгийн удирдлагууд маань их дэмжсэн болохоор цөхрөлтгүй үргэлжлүүлсэн. Баянхонгор сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа хүртэл “Та нарын өмнөөс ийм ажил санаачилж байхад яагаад дэмжихгүй байгаа юм бэ” гэж тулж олон удаа ятгаж учирлаж явсаар хэсэг дэмжигч нөхдийнхөө хамтаар бас биднийг хамгийн их үгүйсгэж байсан эрэгтэй төлөөлөгчдийг хүртэл үүсгэн санаачилсан ТББ-даа оруулан 2014 оны есдүгээр сарын 30-ны өдөр есөн хүний бүрэлдэхүүнтэй “Хонгор нутгийн үрс” ТББ байгуулан албан ёсоор улсын бүртгэлтэй болсон.

-Хандивын үйл ажилла­гаагаа яаж эхлэв?

-Хандивын анхны нээлт дээр гудамжинд явж байсан хүүхдүүд хүртэл 100 төгрөгийн хандив өргөж, биднийг дэмжсэн. Аймгийн төвд байршилтай төрийн байгууллагуудад хандан 32 байгууллагын төрийн албан хаагчид зарим нь нэг өдрийн цалингаа, олонхи нь 5000-10000 төгрөгийн хандив өргөж 26 сая төгрөг цугларсан. Эндээс бид “Олны хүч оломгүй далай” гэх ардынхаа үгэнд урамшин зоригжсон гэх үү дээ. Иймээс нийгэмд нөлөө бүхий хүмүүст хандан уриалснаар УИХ-ын гишүүн Х.Баттулга 10 сая төгрөг, “Эпидот” компани 10 сая төгрөг, УИХ-ын гишүүн Д.Ганбат нэг сая төгрөг, Засаг дарга Д.Жаргалсайхан нэг сая төгрөг, ИТХ-ын төлөөлөгч Дашцэрэн хоёр сая төгрөг, төлөөлөгч Ч.Сайнбилэг нэг сая төгрөг гэхчилэнгээр хандивын үйл ажиллагаа маань бодитой ажил болон өргөжиж эхэлсэн. И.Бум-Эрдэнэ, “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай, “Эрчим хүч” компанийн дарга М.Батбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Оюутболд гээд нэр тоочихын аргагүй олон хүн хандив өргөсөн. Хандив цуглуулах, мэдээлэл түгээхэд орон нутгийн сайхан сэтгэлт хүмүүс төдийгүй бүхий л иргэд өөрсдийн боломжийн хэрээр дэмжиж байсанд үнэхээр баярласан. Цэцэрлэг барихад шаардлагатай газар, барилгын техникийн зөвшөөрлүүдийг холбогдох газруудаас авахад биднийг дэмжиж ажилласан байгууллагуудад ч талархаад баршгүй.

-Нийт хандив хэр цугларч, цэцэрлэг барих ажил ямар шатандаа явна?

-Зураг төсвөө 12 сая төгрөгөөр хийлгэж, барилгын суурийн ажлыг 44 сая төгрөгөөр хийлгэж дууслаа. Аймгийн ИТХ-ын “2015 онд аймаг хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Орон нутгийн хөгжлийн санд 100 сая төгрөг тавиулсан. Үүний тулд эмэгтэй төлөөлөгчдийн бүлэг хамтран бусад эрэгтэй төлөөлөгчдийн “тархийг угаах” ажлыг бараг найман хурал дамжин үглэсээр батлуулсандаа баяртай байгаа. (инээв) Гэвч одоогоор мөнгө нь орж ирээгүй хүлээгдсээр байна. БНХАУ-ын Өвөрмонголын Алшаа аймагт Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд ажлын айлчлал хийхдээ “МАО” банкны захирал Мао Дун Хэ гуайд хүсэлт тавьж хандсаны үр дүнд тэрээр энэ оны тавдугаар сард Баянхонгор аймагт айлчлал хийхдээ 45 сая төгрөгийн хандив өргөсөн. Одоогоор бид “Нүнжигт инженеринг” компанитай гэрээ хийн барилгын зургийн дагуу 200 сая төгрөгийн барилгын бүтээц хэв материалыг БНХАУ-д захиалсан. Захиалгын дагуу материал гарсан гэсэн боловч бид Орон нутаг хөгжүүлэх сангийн 100 сая төгрөгөө хүлээгээд авч чадалгүй гацаанд орчихоод байгаа. Нийт 470 сая төгрөгийнхөө 200 сая орчмыг нь олчихоод ажлаа гүйцэтгэж байгаа гэхэд болох юм.

-Өөрт ямар ч ашиггүй цэцэрлэг босгох хандив цуглуулах ч амаргүй, “тамын” ажил байх шүү?

-Нэгэнт эхэлсэн ажлаа дуусган, төрөлх аймгийн минь гэр хорооллын хүүхдүүд цэцэрлэгтээ баяртайгаар инээгээд ирж яваа дүр зураг, аав ээжийнх нь аль нэг нь ажил хийгээд гэр дүүрэн инээмсэглэлтэй байх тэр үеийг дүрслэн харж, цэцэрлэгийн барилгын үүдэн дээр тууз хайчлаад зогсож байх тэр мөчийг төсөөлөн өөрийгөө сэргээж явна даа. Ер нь энэ “Нутгийн зөвлөл” гэдэг сүрхий байгууллагын хандлагыг өөрчлөх, нутгаа гэсэн сэтгэлтэй олон түмнийг сайн үйлст уриалан дуудах үйлс болоосой гэж хүсч явдгаа энэ дашрамд хэлэхэд илүүдэхгүй байх. Бид бөхөө шагнах, хөшөө дурсгал барих, сүм суварга бүтээхэд олон сая төгрөгийг хандивлаж чаддаг. Хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа нэгдэж чадна гэж боддог шүү. Хандивын юм гээд чанаргүй байж болохгүй. Ямартай ч бид цэцэрлэгээ үнэхээр сайхан барьж ашиглалтад оруулна. Цэцэрлэгээ барьж дуусуут ирэх оны хичээлийн жилд багтаан улсад хүлээлгэн өгнө дөө. Мянган төгрөгөөр цэцэрлэг барих санаачилга маань Монгол орон даяар түгж, олон олон цэцэрлэг байгуулагдаасай билээ.

-Энэ сайхан үйлс тань сэтгэлчлэн бүтэж, Монголын түм түмэн хүүхдүүд өргөө цагаан цэцэрлэгтэй болохын ерөөл дэвшүүлье. Хандив өргөхийг хүссэн сайхан сэтгэлтнүүд ямар банкинд хандвал зохилтой бол?

-Төрийн банкны 232100479323, “Хаан” банкны 5225507123, “Хас” банкны 5001206186, “Голомт” банкны 6105100242 тоот данснуудад сэтгэлийн хандиваа өргөж болно. Манай ТББ-ын талаарх мэдээллийг “Хүүхэд бүхний төлөө нэгдэцгээе” хуудсаас харна биз дээ.


Categories
мэдээ цаг-үе

Лханаагийн Мөнхтөр: Тэнгэрт одсон багшаа бодохоор алтан намар налайж, ургацын далай халиурах юм даа

Агаарын долгионоор
“Алтан намар” дуу хангинаад ирэхээр л намар хэдийнэ эх нутагт минь айлчилсныг тодхон
мэдэрнэм. Энэ мэдрэмжийг сэтгэл зүрхээрээ мэдрэх болоод удсан Монголын радиогийн
тоймч, “Ургацын далай” нэвтрүүлгийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөртэй уулзаж хөөрөлдлөө.

-Монгол орны маань
намрын ургацын байдал ямаршуухан байна. “Ургацын далай” нэвтрүүлгийн гол хөтөч маань
сайн мэдэж байгаа даа?

-Монголын газар тариалангийн
салбарт зарим хүний хэлж байгаагаар сүүлийн хориод жилд тохиолдоогүй байгалийн ширүүн
уур амьсгал нөлөөлж, тариа ид боловсрох үед гантай байснаас улсын хэмжээнд ургацынхаа
тавин таван хувийг авах тооцоотой байна. Үрэндээ аваад, хог хаягдлаа тооцоод, гурил
үйлдвэрлэлд нэг зуун мянган тонн улаан буудай л авах болж байна л даа. Энэ жилийн
хувьд агротехнологи, цаг агаарын хүчин зүйлээ тооцоолсон тариаланчид харьцангуй
гайгүй ургац авах төлөвтэй байгаа. Сайн чанарын уриншид тариалсан талбай гайгүй
ургасан. Арван центнер авах газраас долоо найман центнер авах шинжтэй байна. Өнгөрөгч
долоо хоногт газар тариалангийн гол бүс Дархан, Хонгор, Сэлэнгийн Цагааннуур зэрэг
газарт ажил­лаад ирлээ. Харж байхад Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний
хүрээлэнгийн гаргасан монгол орны хуурай­­­шилттай нөхцөлд тохир­­сон богино болцтой
“Дархан-144” сортыг тарьсан талбайгаас боломжийн ургац авахаар ургасан байна. Ийм
сайн чанарын сортуудыг Мон­голын газар тариалангийн үйлд­вэрлэлд нийлүүлэхгүй бол
болохгүй нь гэдгийг сануул­­сан зүйл болж байгаа юм.

-Үүлийг цаг
тухайд нь буудаж амжаагүйгээс ган боллоо гээд тариаланчид нэлээд бухимдах шиг
болсон. Ган гачиг ч газар тариаланд ёстой л халгаатай эд юм даа?

-Пуужингийн нөөц
нь дуус­сан байсан гэсэн. Буудах нөхцөл нь бүрдээд зургадугаар сарын эхээр бууд­сан
бол хамаагүй нэмэртэй байх байсан. Үүлгүй хоосон тэнгэр рүү буудаад ямар ч
нэмэргүй шүү дээ. Энэ жил техникийн тохиргоог сайн хийхгүй бол болохгүй жил юм.
Удаан, намхан тохиргоонд тааруулж ажиллавал ургасан жаахан буудайгаа боломжийн
авчихмаар янзтай. Будааны чанарын хувьд жин багатай ч цавуулаг сайтай байгаа нь
анзаарагдсан.

-Агаарын долгионоор
“Ургацын далай” дуу яваад ирэхээр нарийн хялганын орой намилзаад ирэх шиг санагддаг.
Таны хувьд намрын тухай ямархан мэдрэмж төрж эхлэх вэ?

-Монголын радиогоор
энх улирал ханхлахад “Таван эрдэнэ” дуу яваад ирэхээр “Хавар эхэллээ” гэсэн мэд­рэмж
төрж, “Ургацын далай” хангинаад эхлэхээр “За намар боллоо доо” гэж монгол хүн бүхэн
ойлгодог. Ингэж л хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Анхны редактор Дэндэв
гуай “Ургацын далай” дууны үгийг бичиж, урлагийн гавьяат зүтгэлтэн Чимэддорж
гуайг “Оргил” амралтад амарч байхад З.Далхжав гуай­гаар өгч явуулж, нэг шөнийн
дотор дуутай болж байсан нэвтрүүлэг. Зориулсан дуугүй байхад яруу найрагч
Б.Явуухулан, Ц.Гайтав гуай нараар дөрвөн шүлэг зохиолгоод л тухайн үед нь нэвт­рүүлгийнхээ
өмнө уншуу­лаад явдаг байсан байгаа юм.

-Та “Ургацын
далай”-тай амьдралаа холбоод нэлээд удсан байх аа?

-“Ургацын далай” хэмээх
энэ сайхан буянтай нэвтрүүлгийн алтан тоостой микрофоныг Монгол Улсын соёлын гавьяат
зүтгэлтэн, “Монголын радиогийн бүдүүн дуут” хэмээн олон түмэндээ алдаршсан зохиолч,
сэтгүүлч Базарын Цэдэндамбаа багшаасаа хүлээж авснаас хойш хорин гурав дахь намраа
угтаж байна даа. Хори шарайд Базарын Цэдэндамба хэмээх хаа холоос дуу нь
сонсогдох энэ хүнийг нэгэн үе танихгүй монгол нэгээхэн ч үгүй байсан даа гэж
санадаг юм. Ямартаа л Монголын радиогийн “бүдүүн дуут” гэх вэ дээ. Багш маань
тэнгэрийн орноо залраад хоёр ч жил болж байна. Наадмын маргааш намар гэж монголчууд
бид сүрхий онож хэлсэн шиг байгаа юм. Намар айсуй ийм л гэгээн шаргал өдрүүдэд
багшийгаа дурсан санаж, өөрийн эрхгүй содон сайхан дуу хоолойг нь үгүйлдэг дээ.
Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэр нүүр нь, нэрийн хуудас нь
явсан энэ хүний дуу хоолой өдийд л радиогоор хүнгэнэж, эх орон даяар намар
болсныг зарлан тунхагладаг байлаа. Энэ бүдүүн дуутай хүний газар дээрх ганц
шавь нь гэж хорь гаруй жил явсандаа би тун их бэлгэшээдэг. Тэр чинээгээрээ энэ
сайхан хүний тухай бусдаас арай илүү мэддэг юм. Мэдээж насаараа үерхэж явсан
үеийнхнийг нь яаж гүйцэхэв. “Ургацын далай” нэвтрүүлэг цацагдаад тавин нэгэн
жил боллоо доо. Тэрний тэн хагасаас илүү жилд нь багш ажилласан байдаг.

-Таны багшийг тариан
талбай дээр очилгүйгээр угаалгын өрөөндөө оёдлын машин тачигнуулж трактор комбайны
дуу чимээ орлуулаад нэвтрүүлгээ хийчихдэг, бичлэгийн аппаратандаа “ховлуулаад” ажлаасаа
халагдсан ч гэх шиг яриа байдаг. Тэр бүхэн нь үнэн юм болов уу?

-Цэдэндамбаа багш
их хошин шогийн мэдрэмж сайтай мундаг зохиолч, том сэтгүүлч, гайхалтай халуун сэтгэлтэй
найрагч байсан даа. “Эзэн Чингис хаан бид хоёр чинь нэг улсын, нэг аймгийн, нэг
сумын, бүр нэг бригадын хоёр шүү дээ” гэх дуу нь одоо ч чихнээ сонсогдох шиг болж
байна. Хэнтий аймгийн Дадал сумын буриад гэсэн үг л дээ. Их хошин ертөнц шүү дээ.
Тиймээс өөрт нь зориулж л найз нөхөд нь ийм сайхан амьд домог зохиож байсан болов
уу. Газар тариалангийн салбараа гарын арван хуруу шигээ мэддэг, энэ салбарын жинхэнэ
дууч нь байсан даа. Нэг удаа багш халчихаад “Ардын хянан шалгах хорооныхон нисдэг
тэргээр шалгалтаар явж байна. Миний баруун гар талд Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Ардын
хянан шалгах хорооны дарга Бугын Дэжид, зүүн гар талд Сайд нарын зөвлөлийн орлогч
дарга, Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Шаравын
Гунгаадорж, дунд нь би. Бид гурав яг л төрийн далбаа шиг юмнууд явж байна” гэж шууд
тайлбарлаж байснаа ярьж байсан юм. Тэр аппаратандаа ховлуулсан гэдэг чинь бас л
бодит зүйл юм билээ. Аппаратнаас хальсыг нь монтажилтал “Муусайн дарга нар ямар
ч ажил хийдэггүй. Мань мэт л зүтгэх юм” гэж бичээстэй байсныг нэг нөхөр алтан хошуу
өргөж, ажлаасаа хүртэл халагдсан байдаг юм.

-Цэдэндамбаа
гуай нэвтрүүлгээ яаж хийж байсан туршлагаа гарынхаа шавьтай хуваалцана биз?

-Багш маань
радиод орчихоод л нэвтрүүлгээ гялалзуулж өгдөг байж. Тэр үед Хөдөө аж ахуйн
редакцийн хариуцлагатай редактор, алдарт сэтгүүлч Мятавын Цагаан байж л дээ.
Багшийн занг арван хуруу шигээ мэднэ. Жаахан тааруухан нэвтрүүлэг хийчихээрээ
андашгүй гэнэ л дээ. “За, Цагаан дарга аа, алаад өгсөн дөө” гээд л текстээ
ширээн дээр нь тавьдаг гэж байгаа. Сайн нэвтрүүлэг хийчихвэл чимээгүйхэн тавиад
л гардаг байж. Нэг удаа “Алаад өгсөн дөө” гэсэн тодотголтой нэвтрүүлгийнх нь
текстийг уншаад “За Дамбаа ах аа, та ийм ч юм бичих гэж дээ” гээд текстийг
өгтөл багш маань “Харин тийм ээ, амиа хорломоор текст” гэнгүүт урж хогийн сав
руу шидчихээд дахиад л бичгийн машинаараа тачигнуулж өгсөн гэж байгаа. Ийм л
сонин сайхан хууч дүүрэн хүн бол багш маань юм даа. Багш “Ургацын далай”
нэвтрүүлгийн томилолтоор Дорнод аймагт оччихоод дарга нартай нь уулзаж хадлан
өвс бэлтгэх ажлын явцын талаар асууж тодруулжээ. Дарга нар нь баахан хүснэгт
төлөвлөгөө дэлгээд л ярьж өгч. Маргааш нь багш радиогоор “Дорнодынхон
харандаагар хадлан хадаад л сууж байна” гээд ярьсан гэж байгаа. Иймэрхүү цэц
онч, дүр дүрслэл зохиол бүтээлээс нь олоход төвөггүй шүү. Харьцуулал зүйрлэл,
егөөдөл ёжлол дүүрэн түүний бичсэн зүйлийг нэрлээд байвал зөндөө зөндөө.
Үнэхээр л адтай зүйрлэгч дүрслэгч нэгэн л дээ. “Алтан хоргойн өөдөс шиг алаг цоохор
эрвээхий ангас ангас дэвнэ” ч гэх юм уу, “тэнгэрт дүүжлээстэй юм шиг тэр
хөөрхөн болжмор” гээд уншихад мөн ч урамтай сан.

-Алтан намрын
эл сайхан хонгор шаргал өдрүүд аргагүй л багштай чинь холбогдож сэтгэлийг чинь
хөглөдөг юм байна даа?

-Багшийн маань
тухай амтай бүхэн л дурсан ярина. Яруу найрагч Данзангийн Нямаа нэгэн
ярилцлагадаа “Гайхалтай, бадрангуй яруу найрагч. Шүлгийг нь багаасаа л уншдаг
байлаа. Дайчин, давшингуй, сэтгэл хөдлөлтэй хүн. Цаанаасаа л, бурханаас тэр
хүнийг радиогийн сэтгүүлч болгож төрүүлсэн гэмээр. Яриаг нь сонсохоор жигтэйхэн
гоё дүрсэлж ярьдаг хэрнээ бичсэн нь ярьдаг шиг нь сэтгэлд буудаггүй” гэсэн.
Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай багшийн дотно хүмүүсийн нэг байсан.
Тэр нэг удаа “Зохиолчид золигийн улс л даа. Бие биеийнхээ тухай хошин яриа
хөөрөө гаргадаг. Тэр нь заавал нэг учиртай. Дүртэй байснаас биш нэг нэгийгээ
доромжилсон, давхар санаа агуулсан зүйл байхгүй ээ. Ухаан нь зохиолчдыг нохой
болгосон онигоо бий. Тэнд янз янзын нохой гардаг. Зарим нохой Удвал даргын өмнө
дээш харан унаж эрхэлж, зарим нь хэзээ хуцахаа даргаасаа асууж байдаг. Базарын
Цэдэндамба мундаг улаан шар овчарк болчихсон, дээгүүрээ нисэж өнгөрсөн “АН-2”
онгоцны сүүдэртэй хөөцөлдөж, сүүдэр нь туссан газрыг шороотой нь үмхэн авч,
сэгсчиж байгаагаар гардаг. Зохиолчдыг зуух болгосон удаа бас бий. Манай Дамбаа
бас л лут гарна даа. Зуухны бөөр улаан болчихсон, хүнгэнээд л байдаг, тэгсэн
мөртлөө дээрх цай нь ер буцалдаггүй зуух гэж гардаг шиг билээ, манай Дамбаа аа
чинь” гэж дурссан удаатай. Ийм сайхан амттай яриа дурсамж багшийн маань эргэн
тойронд цагийн мөнхөд бүчиж байсан даа. Багш маань Соёлын гавьяат зүтгэлтэн
алдар цолыг хүртээд ярилцлага өгөхдөө “Монголын радиог сонсоогүй чих байхгүй”
гэсэн юм. Энэ бол радиог дээш нь суга татсан реклам юм даа.

-Сайн хүний
тухай дурсамж аяндаа хөврөх юм даа. Та багшийгаа нутагт нь нэг аваачсан гэл үү?

-Балжийн голын
эрэг хөвөө, Ламын хөхүүртийн өвөлжөө бол Цэдэндамбаа багшийн төрсөн тоонот нь.
Ламын хөхүүрт гэдэг нь өвөрмөц сонин домогтой л доо. Нэг лам хөхүүртэй айраг ганзагалж
даваа хөтөл давах гээд унаа морь нь эцэж хөхүүртэй айргаа модонд өлгөж
үлдээгээд явсан гэх юм билээ. Үүнээс хойш тэр газрыг нь Ламын хөхүүрт гэх
болсон домогтой. Хэдэн жилийн өмнө цагаан сарын өмнөхөн багшийгаа нутагт нь
очуулах, төрсөн гэрийн буурин дээр нь аваачих гээд зүтгэлээ. Цас шуурга болсон
цавцайсан цагаан хангай юм. Их сүрлэг. Дадалын төвөөс багшийн маань танил
Чимиддоржтон хэмээх өвгөн буриад газарчлан Балжийн гол тийш явлаа. Сумаас гуч
орчим километр явж хүрэх юм. Багш маань төрсөн буурин дээрээ ирээд их л
сүсэглэн залбирч, “Энэ чинь Ганц улиас, тэр чинь Ламын хөхүүрт шүү дээ” гэж нүд
нь сэргээд ярьж байсан. Тэгээд буцахдаа,

“Эх болсон
тоонот минь ээ

Ижий болсон
газар шороо минь ээ

Зуны аагимд
сэрүүцэж суусан ганц улиас минь

Зудалж үзээгүй
их сайхан хангай дэлхий минь

Эцэг минь энд
ходоог тэрэг дархалж байлаа

Эжий минь энд
мойлтой тос хутгаж байлаа

Эргэж ирж
чадахгүй ээ, нутаг минь

Элбэрэл бүхэн
чинь надтай хамт шүү…”

гээд нулимсаа урсган сөхөрч байсан даа. Энэ мөрүүд багшийн минь цээжнээс урсан
гарч хоолой нь зангиран хэлсэн тэр цагаас хойш үнэхээр нутагтаа явж амжаагүй.
Зөн совингоороо мэдэж л байсан юм байлгүй
дээ. Багш маань нутаг очоод буцах замдаа “Мөнхтөр өө, багш нь мөн ч их
баярлаж байна даа. Хөдсөн дээл хөмөн гутлынхаа мөрийг гаргасан газартаа ирээд
сэтгэл их хөдөллөө. Түүх яримаар санагдлаа 1915 оны гантай зун аав ээж маань
хойд нутгаас хэдэн буриадын хамт морин тэргэндээ ойр зуурын новшоо ачин
нохойгоо дагуулаад гарсан гэдэг. Тэр зун тууврын малд ч идэх өвс байгаагүй гэдэг.
Тэгж явсаар байгаад Чингис хааны нутаг Ононд нүүж ирсэн юм билээ. Зарим нь орос
хувцастай ядарч сульдсан гэж жигтэйхэн морь үргэмээр амьтад ирсэн. Би 1931 онд
Ононы Балж Галттай дахь Ламын хөхүүртийн өвөлжөөнд төрсөн Хорь буриад хүн.
Манайх дөчөөд оны үед хоёр мянгаад хонь, хоёр зуу гаруй үхэр, хоёр азарга адуу,
дөчин хоёр тэмээтэй лут айл болсон байлаа. Нутгийн хөгшчүүд Чингис хааныг
буриад анчдын задгай гал дээр мах шарж зооглоод Балж голын хатуу яргайгаар нум
хийж сур харваж явсан гэдэг домог ярьдаг. Тийм нутагт нүд нээсэн болохоор
бардам сайхан л амьдарч явна даа. Ан хийж баавгайнаас бусдыг нь унагаж явлаа.
Ер нь би янз бүрийн ажил их хийсэн дээ. Онондоо эмээл хийж, Зүүнбаянд өрөмдөгч,
Баянгийн модны уурхайд чулуу ачигч, Кино үйлдвэрт реферэнт, Зохиолчдын хороонд
мэргэжлийн зохиолч, 1957 оноос хойш сэтгүүлчийн ажилд болсон болоогүй хэдэн
насаа цацаад дуусах шив дээ. Хүүхэд байхдаа мал дагана гэж л боддог байлаа.
Гэвч Улаанбаатарт эрдэм номын мөр хөөж ирсэн хүн” гэж дурсамжийн богцоо задалж
байсан даа. Миний багш ийм л хүн байсан юм.

-“Ургацын
далай” хангинасан энэ өдрүүдэд Базарын Цэдэндамба хэмээх тэр том найрагчийн
уран бүтээлийг дурдахгүй өнгөрвөл алдас болох мэт санагдлаа?

-Өөрийнх нь
хэлснээр бол Монголын бүдүүн хоолойтой бүхэн дуулсан “Монголын сайхан орон” дуу
нь байна.

“Эрээлжлэн
эрээлжлэн харагдамтгай

Элгэн сэнхэр
нютаг минь

Эцэг эхээс
заяатай

Эх сайхан
Монгол минь”
. Энэ дуу
үнэхээр л сэтгэл зүрхнээс нь урсан гарсан юм шиг сайхан дуу. Багш маань
дуунуудаа ер тоохгүй. Хамгийн сайхан нь Дарамзагдтай хийсэн “Монголын сайхан
орон” л гэнэ. Ардын жүжигчин Жаргалсайхан олонд хүргэсэн дуу шүү дээ. Үүнийгээ
гурван буриадын дуу л гэнэ. Түүний бичсэн “Ятгын эгшиг”, “Монголын сайхан
орон”, “Улаалзай”, “Алтан намар”, “Хонгор нутгийн жороо”, “Хангайн дуу”, “Эх
орон”, “Сарлагчин”, “Говь хангайн цэнхэр орон”, “Барилгачин хүүхнүүдийн дуу”
зэрэг олон дууг нь уншигч олон сайн мэднэ дээ. Тэнгэрийн оронд заларсан бүдүүн
дуут багшаа бодохоор алтан намар аяндаа налайж, ургацын далай халиурах шиг
болох юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Чоймболын Жумдаан: “Эргүүлэг” маань шуугиан тарьж, “Тэнгэрийн сахил” дэлхийн шилдэг хорин кинонд багтаж байлаа

Кино
найруулагч Чоймболын Жумдаантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр ЗХУ-ын Бүх холбоотын
Кино урлагийн дээд сургуулийг 1980-1985 онд А.А.Алов, В.Н.Наумов нарын урланд найруулагч мэргэжлээр төгсөхдөө бүх шалгалтаа
онц дүнтэй өгч, нэрт зураглаач Д.Баттулгын амжилтыг 20 жилийн дараа давтан
улаан дипломын эзэн болж онцчуудын хүндэтгэлд мөнхөрснийг төрөлх сургуулийнхан
нь эдүгээ ч бахархан дурсдаг аж.

-Монголын кино
урлагтай холбогдсон түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач?

-Төв аймгийн
Дэлгэрхаан сумынхаа бага сургуулийг төгсөөд 24 дүгээр сургуульд суралцаж
байгаад ХБДС-д элсэн орж 1968 онд төгссөн. Тэгээд Улсын филармонид хөгжимчнөөр
ажиллаж байгаад 1971-1975 онд УБДС-ийн Кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр
төгсч “Монголкино” үйлдвэрт 1976 оноос орчуулгын киноны жүжигчнээр ажиллалаа.
Бүх холбоотын Кино урлагийн дээд сургуульд суралцаж найруулагч, жүжигчин
мэргэжлээр төгссөн минь амьдралын минь сайхан он жилүүд яах аргагүй мөн шүү.
Манай сургуулийг чинь АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган хүртэл төгссөн гээд бод
доо.

-Та анх ямар
кинонд тоглож байв?

-Кинонд намайг
хөтөлж оруулсан хүн бол урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Доржпалам
багш минь юм. Нэг бэлгэшээлтэй зүйл
хүүрнэхэд “Бушхүүгийн үлгэр” кинонд 1980 онд агуу их ардын жүжигчин Гэндэн
гуайн хүү болж хаан хөвгүүний дүрд тоглосон. “Чимгээгийн төрсөн өдөр”-ийн Бат-Оргил, “Тунгалаг Тамир”-ын Жаргал,
“Хонины найр”-ын Хуяг, “Бушхүүгийн
үлгэр”-ийн хан хүү, “Алтан шонхор”-ын Соривт, “Тод магнай”-гийн түшмэл зэрэг
олон гол, туслах дүрд жүжигчний хувьд авьяас сорьж л явлаа. Орчуулгын хориод
кинонд орчуулгын найруулагчаар ажилласан байдаг юм.

-Таны
найруулсан “Эргүүлэг” уран сайхны кино дэлгэцнээ гарсан даруйдаа нийгэмд их
цочроо өгсөн санагддаг. Өөрчлөн байгуулалт ид яригдаж байсан үед социализмын ёс
суртахууны оршуулгыг та бараг хийчихсэн юм биш үү?

-Хойно сургуулиа
дүүргэж ирээд “Хүний хүн” уран сайхны киног 1987 онд хийсэн. Бурхан болооч
Балжинням найруулагч маань “Ай хөөрхий, чи минь” гэж зохиол бичсэнээ “Энэ киног
ганцхан Жумдаан л хийнэ” гээд надад итгэл хүлээлгэсэн хэрэг. Энэ нь намайг сайн
гэсэн ч үг биш байх. Ингээд 1989 онд “Эргүүлэг” киног тэр үеийн үзэл суртлын их
олон даваа бэрхшээлийг туулж байж хийсэн. Хийсэн хойно ч их хэл ам дагуулсан.
Тухайн үед нийгэмд бугшсан идээ бээрийг гаргаж тавихдаа их хурцаар өгүүлсэн.
Ногоон малгайтнууд хүрч ирээд гэрийг нь буулгахаар тооноо өөрөө хага шидэж
байгаа хэсэг бий. Тангаргын үг энэ тэр ч “Тэнгэрийн сум болъё. Муу муухай
биднээр төгсгөл болог” гэсэн санаатай.

-Та энэ
киногоороо тухайн үеийн нийгэмд ямар дохио өгье гэж бодож байв даа?

-Эхлэл, төгсгөл
дээр Сэлэнгийн их эргүүлгээс хөл алдахгүй гараад явчихаж байгаа монгол морины
зураглал байна. Монгол морь ямар ч их эргүүлэгт живдэггүйтэй адил монгол хүн ч
гэсэн хувь заяаны эргүүлэгт амьдралаа сүйрүүлэхгүй гэсэн ёгт санааг кинонд
зангидаж өгсөн хэрэг л дээ. Ёс заншлаа хаячихсан талаар хөндөж өгсөн. Тухайн
үед төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн “Өшөө”, сэтгүүлч Ц.Балдоржийн
“Хэрээ” ч бил үү, ийм ёс суртахуун хөндсөн мундаг зохиолууд хэвлэлд гарч байсан
нь ч бас нөлөөлсөн гэж болно. Оюутан байхдаа ч адармаатай, зоримог байсан минь
ч нөлөөлсөн л дөө. “Эргүүлэг” киног Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөний үеэр
үзүүлж бөөн л юм болж байлаа. Тэр үед Да.Ганболд, Р.Гончигдорж нар улс төрийн
олон эшт үзлийг буулгасан уран бүтээл гэж үнэлсэн л байдаг юм. Энэ кинон дээр
гэхэд тас хар хувцастай рок дуучид цав цагаан хувцастай охинтой төмөр зам дээр
уулзаж байгаа чинь хүний дотоод сэтгэл, нийгмийн мөн чанарын зөрчлийг харуулж
байгаа юм.

-Энэ батламж дээрээс харж байхад та “Мандухай
цэцэн хатан” кинонд орлон тоглогч нарын ахлагчаар оролцож байжээ?

-Монгол киноны
алтан үеийн аваргуудын хийсэн үнэхээр сайхан кино шүү дээ. Ерөнхийдөө дэлгэц
дүүрэн л хүмүүс байлдаад байгаа ч морьтны болон явган сэлэмт тулалдааны хэсэг
гээд зуу хүрэхгүй тамирчны тоглолт байгаа юм. Явган байлдааныг Хаянхярваа
хурандаа удирдаж байсан. Харин аз болоход тамирчид бэртэл гэмтэл аваагүй.
Оюутан цагаасаа л “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл
болно, Чингис хаан”, “Алтан шонхор” зэрэг Монголын болоод гадаадын хамтарсан
хорь гаруй кинонд каскадерын багтайгаа ажилласан байна. Гадаадын уран
бүтээлчидтэй хамтарсан кинонууд дээр морин дээр зэвсгээ эзэмших, морьтойгоо
харьцах талаар ургасан юм шиг зохицолдсон байдаг юм шүү. Монгол морь биеийн
хөдөлгөөнөөр эргэх, тойрохыг мэддэг. Тэгэхэд гадаад үүлдрийн адуу поло тоглоход
хүртэл замынх нь чулууг зайлуулж, нүхийг бөглөх шахдаг гэдэг юм шүү дээ. Алдарт
Хаянхярваа хурандаагаас орлон тоглогчийн уран бүтээлийн сайн сайхныг мэдэрсэн
юм.

-Та Монголд
Японы кендог оруулж ирж байсан гэж сонссон юм байна?

-Анхдагч гэдэг
утгаар 1998 онд Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасгийн тамирчин дайчидтай
Равдангийн Батжаргал найзынхаа хамт кэндог эхлэн хичээллүүлж, Монголын
кэндогийн холбоог байгуулж байлаа. Цагдаагийн 808 дугаар ангиас гарсан
Ганбаатар, Өсөхөө, Төмөрөө, Сүхээ, Галбаатар нарын шавь нар маань албаа сайхан
хашиж байна. Кэндо бол хулсан сэлмээр тулааны урлагийг эзэмшдэг. Хулс, модон
илдээр эхлээд ган сэлмийг төгс эзэмшинэ гэсэн үг шүү дээ. Кэндо өнөөдөр сайхан
хөгжиж байгаа. Өнгөрөгч хавар Токиод болсон тэмцээнд Р.Батдорж нарын манай
залуус амжилттай оролцоод ирсэн.

-Морин полог
бас оруулж ирсэн гэл үү?

-Францын
киноныхонтой хамтарч уран бүтээл хийж байхад бас л тэр үед оруулж ирж байсан.
Заан, морин, тэмээн гээд олон поло байдаг. Монголын морин пологийн холбооны
ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Лувсанвандангийн Болдхуягтаа баярлаж явдгаа
хэлмээр санагддаг.

-“Тэнгэрийн
сахил” гэдэг киног та найруулаагүй бил үү?

-Миний найруулсан
хандмаа нарын аж төрлийн тухай кино л доо. Найман бүлэг өнгөт энэ киноны
зохиогчоор төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат, зураглаачаар Жигжидийн Биндэр,
зураачаар Одонгийн Нямдаваа, хөгжмийн зохиолчоор төрийн шагналт Бямбасүрэнгийн
Шарав ажиллаж, гол дүр Агиймаад жүжигчин Б.Эрдэнэцэцэг маань тоглож байлаа. Энэ
кино 1994 онд Францын Роттердам хотод зохиогдсон олон улсын кино наадмаас
шилдэг хорин киноны нэгээр шалгарч байсан даа.

-Та сүүлийн
үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Францын уран
бүтээлчидтэй хамтарч “Алдас” гэж боксчны амьдралын тухай кино хийж, Барселоны
олимпийн медальт тамирчин Баярсайхан тоглосон. Уг нь би энэ киногоо 1988 оны
Сөүлийн олимпийн хүрэл медальт Нэргүйн Энхбатад зориулж зохиолыг нь бичсэн ч
ичсэн үү, бэлгэшээгээгүй ч юм уу зохиолыг нь уншчихаад бултсан юм даг. (инээв.
сур) Хөдөө нутаг минь хоосорлоо, хүн чанар үгүйрлээ гэсэн утгатай энэ кинонд
ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ их сайхан аялгуу оруулсан даа. Гадны улсын хөрөнгөөр
хийсэн болохоор Монголдоо ч ганц хувь байхгүй шахуу болсон доо. Зах зээлийн
нийгэмд бас хөлөө олохгүй л яваа хүн. Намайг сайн уран бүтээлч гээд мөнгөө
бариад ирэх хүн олдохгүй юм. Гүзээнд наалдсан дэлүү гэгчээр Дамбын Төрбаттайгаа
хамтарч хэд хэдэн кино хийж байна. Гүег хааны тухай “Төрийн мэлмий” гэж зохиол
удахгүй дэлгэцнээ гарна.

-Дэлгэцийн
урлагтай амьдралаа холбосон хүний хувьд хамгийн том шагнал тань юу байв?

-Хоёр залуу
надтай таараад “Эргүүлэг” киног минь нүдэнд харагдтал ярьж өгч байлаа.
Найруулагч хүний хувьд үзэгчдийн энэ их урам эрчис надад уран бүтээлийн амьд
харьцааг хайрлаж, онгодыг минь хөглөсөн. Бас нэг том шагнал маань гэвэл “Мөнх
тэнгэрийн хүчин дор” киног хийж байх үедээ Балжинням найруулагч, Нагнайдорж
хоёр Сэлэнгийн тэнд зургийн газар үзэж явахдаа их өндөр эрэгтэй таараад “Энэ
эрэг рүү сүйх тэрэгтэй хүн үсэргэнэ дээ. Хэнийг үсэргэхэв” гэхэд “Жумдаан л
байна ш дээ” гэлцсэн байгаа юм. Энэ л наддаа том шагнал шүү дээ. Киргизийн нэрт
жүжигчин, нэрт орлон тоглогч Кудабергеновын гарын шавийн хувьд надад энэ үг
хангалттай. Би энэ хүнд шавь орж орлон тоглогчийн гурван сарын дадлага сургууль
хийсэн юм. Багш маань “Юность Гений” кинонд өндөр хясаан дээрээс морьтойгоо
үсэрч, нуур руу орсноо ярьдаг байсан. Морь нь зүрх нь хагарч үхсэн байсан
гэдэг. Одоо ч цахимаар эвлүүлж болж байна. Бидний үед урлагт хүртэл бодит
байдлыг эрхэмлэн харуулна гэсэн үзэлтэй байсан болохоор Москвад суралцаж
байхдаа трамвайн завсраар автомашинтай гарах зэрэг аюултай үзүүлбэрт оролцдог л
байлаа шүү дээ. Энэ мэт уран бүтээлчийн эр зоригийн шалгуурыг мөн ч олон удаа
давлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Эгшиг яруу дууны хорвоог эрхшээн соёрхсон Чинжиг

Одоогоос жаран жилийн тэртээ 1955 оны ээжүүдийн баярын өдөр Булган аймгийн Могод сумын Дэрстийн гүвээ хэмээх газар малчин Цэдэн-Иш гуайнд нэгэн хүү төрсөн нь ирээдүйн Монголын хөгжмийн их суу билигтэн Чинзориг байлаа. Тэр хөвүүн тэнгэрээс сарны гэрэл дамжин тооноор буугаад орж ирсэн ид шидтэн биш, жирийн монгол эцэг эхийнхээ хайраас мэндэлсэн нэгэн байж. Энэ тухай хөгж­мийн зохиолчийн эжий Дэндэвийн Намжилцэрэн гуай “Хүүг маань Хишигт гэж аавынх нь эгч эх барьж, тогоонд хөмөрч аваад, дээс татаж хөл хорьж байсан. Дээр нь хоёр ч хүүхэд эндсэн болохоор тэр. Тэгээд Хишигт эгч Төмөртогоо гэсэн нэр хайрласан. Хүү маань сургуульд орсон хойноо “Төмөртогоо гэж муухай нэр юм. Хүүхдүүд шоолоод байна” гэсээр нэрээ сольсон. Чинзориг гэдэг нэрийг нэг ангид байсан манай хамаатны хүүхэд өгч байсан санагддаг” гэж хуучилсан байдаг. Айлын энхрий ганц хүү гурван настайгаасаа л тухайн үеийн хөдөөгийн хүмүүсийн мэддэг дуу бүхний үгийг нь сайн хэлж чадахгүй мөртлөө босон суун байнга аялдаг, тавхан настайдаа ээжийнхээ урлаж өгсөн саарал пүүсүү дээлээр гоён Могод сумын концертод дуулж байсан гэхээр ямархан авьяастан мэндэлснийг таамаг­лаж болох мэт санаг­дана. Аав нь хүүгээ сургуульд ороогүй байхад мориор дүүрч Хишиг-Өндөр орж концертод дуулуулж дээл, арван төг­рөгийн шагнал авчирч бай­сан гэдэг. Тиймээс аав нь бригадын агентад ирсэн хоёр гармон хөгжмийн нэгийг авч өгөөд “Миний хүү энүүгээр хоолоо олж иднэ” гэж байсан нь урлагийн бурхны хайрласан заяа хишгийг эцгийн зөн билгээр эрт таньсныг гэрчилнэ. Булган хангай айраг идээ, найр наадам дэлгэр нутаг. Шаггүй дууч нагац ах Шагдар зааныг шөнөжин дуулсан ч бяцхан хүү хажууд нь суугаад хонодог байжээ.

Хөдөөгийн дууч хөвүүн Булган аймгийнхаа төвийн нэг, хоёрдугаар найман жилийн сургуулийг 1971 онд дүүргэн Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэлтийн шалгалт өгчээ. Түүний багш Монгол Улсын төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров “Чинзориг шал­гуулахдаа Жүгдэрийн “Дөлгөөн Хэрлэн” дууг дуулсан нь миний сэтгэлийг ёстой нэг “бөмбөрүүлсэн” билээ. Дууны оргил хэсгийг хийсэн хоолойн тэр донж маяг дахин давтагдах аргагүй авьяастай хүүхэд юм даа гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. Ингэж миний ангийн хүүхэд болж долоон эгшиг заалгаж эхэлсэн дээ. Хэдийд л бол хэдийд төгөлдөр хуурын ард суучихсан мэдэх, мэдэхгүй дуугаа оролдон өөрөө дуулж суух нь хэн нэгнийг дуурайх биш өөрийнхөө сэтгэлийг л илэрхийлж байгаа хэрэг байлаа. Би 1972 онд “Уран гоо” дууны ая зохиож , сургуулийн тавин жилийн ойн баярт Чинзориг дуулсан юм. Түүний дуулахыг сонссон гавьяат жүжигчин Банзрагч надаас дуулах зөвшөөрөл авч радиогийн урын санд оруулснаар миний хувьд ч “нэр алдраа мандуулах” завшаантай хэрэг болсон. Тэр үнэхээр дуучин хүү байсан. Дууны хорвоод их удаан амьдрахыг хүсч тэр цагаас л ноот холбон, ая зохион давтагдашгүй олон сайхан дуу туурвисан. Түүний аялгууны мэдрэмж нь унаган сайхан хоолой, хөдөө нутгийн байгаль, хүний араншинг танин барьсан ухаан, сод билиг төгөлдөр авьяасыг нь төрөлх нутаг, эжий аав нь цогц болгосон болов уу” хэмээсэн байдаг. Ингэж л хоёр зуун дамнан алдаршсан хоёр их суу билигтэн багш, шавь барилдлагаар учирсан ажгуу.

Сургуулиа төгсөөд Багшийн сургуульдаа хөгж­мийн багшаар ажиллаж байх үед нь яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өрөөнд нь үе үехэн очдог байж. Тухайн үеийн Ой мод, аж үйлдвэрийн яамнаас уран бүтээлчдийн дунд зарласан “Ой мод хамгаалах” сэдэвт дууны уралдаанд Лхагвасүрэн найрагч

“Үүл гижигдэн найгах

Арын номин шугуй

Үрэл бурман жимс нь

Атганд унадаг хангай…

Өглөө дуулсан дуу минь

Өдөржин хургадаг шугуй

Нөмгөн цагаан манан

Нөмөрт нь хоргоддог хангай” гэсэн утга төгөлдөр “Үүлэн цэнхэр хангай” шүлэг бичин, арван жилийн хүүхэд шиг анхил залуухан Чинзориг аялгуу зохион оролцож дөнгөн данган тусгай шагнал аван, тавин төгрөгөөр шагнуулж дуулсан дуучин, тоглосон хөгжимчдөө “Туул” зоогойд дайлан хөөрхөн баярлацгаажээ. Тухайн уралдаанд түрүүлсэн “Ойн цагдаа” өнөө сураггүй болсон байхад хоёр залуухан уран бүтээлчийн туурвил өнөө ч ард түмний дунд амьдарсаар байгаа нь үг, аялгуу зохирсны шинж билээ л. Үүнээс хойш Чинжиг хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Сурагчийн хувцсаар ижилсэн гоёсон

Сургуулийн жилүүдэд дэндүү дасчээ” (“Учран золгохын ерөөл”) дуугаа зохиож, Б.Лхагвасүрэнтэй “Зүүдний говь”-ио амилуулж жинхэнэ тэнгэрлиг хөгжмийн зохиолчийн онгодоор туурвиж эхлэн хожим ардын эрхэм уран зохиолчтой “Илдэн уулын цуурай” оратори бичин, ЮНЕСКО-гийн алтан фондод хадгалуулах хувь ерөөлтэй байж. Бавуугийн хүүтэй тэрээр “Жамын цаана нуугдах газаргүй”, “Бэрийн өглөө”, “Хожуу хайрын дуу” зэрэг утга-уянга төгөлдөр дуунууд бүтээсэн байдаг.

Монголын хөгжмийн урлагийн наяад оны төлөө­лөл болсон Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг хэмээх аялгуу эгшгийн гур­вал­сан хүлэг морьд байдаг. Чинжигээ, Шарав хоёр Орост Уралын хөгжмийн дээд сур­гуульд сурч ахуйдаа цонхтой тасагт толгой холбож, цоожтой хаалганд түлхүүр нэгтгэж авьяас авьяасынхаа нөмөрт аж төрсөн гэнэм. Эхэндээ Чинжиг нь “Би ахгүй юм чинь таныг ахыгаа болгоно” гэсхийж байснаа зан зангаа аваад найзууд болов гэх. Оюутан хоёр ээлжилж хоолоо хийнэ. Чинжиг айлын эрх ганц хүү болохоор будаа, давс, мах, аль бэлэн бүхнээ нэг тогоолж орхичихоод алга болчихдог гэж байгаа. Нөгөө мундаг “Илдэн уулын цуурай”-гаа тэр үед бичжээ. “Чинжигээ дууг их хурдан хийдэг, шүлгээ хараа л шууд аялаад явчихдаг. Сэлэнгийн нутгийн дууны уралдаанд З.Түмэнжаргалын шүлэг “Ус мөрөн олон чиг” дуу хийж очоод тэндээ “Сэлүүн дэнжийн яргуй”-гаа хийгээд ирсэн. Би мэргэжил нэгтний хувьд Чинзоригийг “Ная, ерээд оны нийтийн дууны уянгын оргил байсан” гэж нэг л үгээр тодорхойлж чадна. Ардын хөгжмийн эх суурь дээр тулгуурласан дан хөгжмийн бүтээлүүд нь ч Монголын хөгжмийн урлагт том байр суурь эзэлнэ” гэж уран бүтээ­лийн их анд Шарав нь өгүүлж байна. Тэдний бүтээл нэгэн зохиролд орсон тохиол ч бий. Төрийн ордонд Хан хуур залах ёслолын уралдаанд Уралын оюутан ахуйн хоёр анд оролцож. Уралдааны дүн гарахад шүүгчээр ажилласан тэдний багш, Монголын орчин цагийн хөгжмийн урлагийн аугаа төлөөлөгч Л.Мөрдорж хөгжмийн зохиолч “Чинзоригийн зохиолын эхний хэсэг, Шаравын бүтээлийн төгсгөл хэсэг хоёрыг нийлүүл­чихье” гэснээр “Хан хуурын сүлд аялгуу” хэмээх бүтээл одоо ч цагаан сар, наадмаар хамт­даа эгшиг­лэсээр байдаг аж.

Нэрт хөгжмийн зохиолч маань дууны шүлгийн гайхамшигтай мэдрэмжтэй нэгэн байсан бөгөөд нүдийг нь олсон ганц үгийг шуудхан олоод шигтгэчихдэг байж. Тиймээс ч дууны шүлгийн мастер, соёлын гавьяат зүт­гэл­тэн, яруу найрагч Загдын Түмэнжаргалтай хамтарч “Идэр омголон насны өнгөөр

Эрдэж бардаж яваагүй л билүү

Эндүү андуугийн халуухан харгуйг

Эргээд санахад харамгүй л билүү

Уянга яруухан дууны хорвоод

Удаан амьдармаар санагдаад байх юм” (“Дууны хорвоо”) дуу туурвиж “Морин хуур-94” наадмын тэргүүн шагнал хүртсэн удаатай. Энэ дуу яагаад ч юм, Монголын гайхамшигт эл хоёр эрхэм хүмүүний богинохон амьд­ралын мөрийн хөтөлбөр мэт эмзэгхэн, гунигламаар, өр зүрх шимшрүүлэм сонсогддог юм. Хүүхдийн “Тэмүжин” дуурийг Монголд анх бичилцсэн яруу найрагч Шагдарын Уянга, Чинжиг хоёр жигтэйхэн найз байсан улс. Уянга, Болд-Эрдэнэ нарын найрагч ах нарын амнаас анх “Чинжиг Мөөеө багшийн төгөлдөр хуурыг өвлөж авсан. Чинжиг маань өөртөө онигоо зохиож” гэх мэтийг сонссоор эчнээ танил болсон хүн олон байдаг байх. Ш.Уянга агсан Чинжигийнхээ тухай “Түүний уран бүтээл хийгээд амьдралын зам үргэлж дардан байсангүй. Түүнд доройтон гутарсан өдрүүд олон байсан. Сар хүртэл хомстохоороо гутардаг. Алгаа цэврүүттэл халгай зулгааж, ажилгүй явсан он өдрүүд, ганц биеэр Баянхонгор аймагт ажиллаж амьдарсан хоёр жил…түүнд их хүнд байсан. Гэвч, тэр уйлалгүй, “дуулж” явсаар амьдралын замаа өөд татсан юм. Хонгор нутагт ажиллаж байхдаа “Эгшгийн хүлгээ эмээллэн мордоод

Эрлийн холоос яаран хүрээлж

Ивээл хайраа дэлгэсэн нутаг минь

Хонгор нутаг минь, Хонгор нутгийнхан минь

Холдоод явчихаж чадалгүй

Холбоотой шүү, та нартайгаа…” хэмээх дууг Ванхүүгийн Батбаяртайгаа тэр бичсэн юм. Баянхонгорт тэрээр өөрийн нь нэрлэснээр “ёотон цагаан” гэгдэх байшингийн нэг өрөөнд төгөлдөр хуур, төмөр цагаан ор, Чинзориг гурав хоёр жил амьдрахдаа авьяасыг хайрлаж чаддаг нөхөр, атаа санаж цааш түлхдэг дайсан хоёрыг ялгаж ухаарсан” гэсэн байдаг. Яруу найрагч Ш.Уянга Чинжигтэйгээ уран бүтээлийн дөрөө харшиж хэд хоноход “Миний сэтгэлийн зовлонг ойлгодог нэг л сайн хүн байдаг. Чамайг танилцуулъя” гэж аймгийн төвийн наад бие доор урсах тунгалаг булаг дээр дагуулан очиж мэлмэрүүлсэн гэдэг. Тиймээс ч найрагч анд нь нутгийн олны “Оготнотой булаг” хэмээх эл рашааныг хожим “Чинзоригийн ганцаардлын булаг” хэмээн хайрлан нэрлэсэн байдаг. Чинжиг энэ л ганцаардлын булгаасаа онгодын эх авч зохиолч Намжимын Сүхбат андтайгаа “Намираа цэнхэр бороо”-гоо хүний орчлонгийн хайрын шиврээ болгон шүншиглэсэн билээ. Хожим энэ сайхан дуу гэргийтэй нь танилцуулах гэгээн түүхийн ундарга болжээ. Ганмягмар хэмээх Могодын айраг шиг исгэлэн залуу тэр л ариухан анхилтайгаа үүлэн чөлөөний наран шиг л богинохон жаргал амсах хувьтай байж, Сувд-Эрдэнэ, Номин-Эрдэнэ хоёр ихэр охиныхоо дүрийг харж амжилгүй дөчин тавхан насандаа тэнгэр зүг оджээ.

Сэтгэл гэгэлзүүлсэн олон сайхан дуу бүтээгч Чинзориг агсан “Хорвоод ганцхан ээждээ”

“Наран наадавч харламгүй

Насны салхитай үсийг чинь

Ариун гангын усаар угааж

Ачийг тань нэг хариулах сан” гэж яруухан гунигшиж, “Хорвоод намар ирдгийг мартсан хонгор хүүгээ уучлаач” гэж шимширч явсан юм. Саяхан түүний “Уйлж дуулах хорвоо” хэмээх шилдэг жаран дууны эмхэтгэл-дурсамжийн номыг хайрт гэргий Д.Ганмягмар нь эрхлэн хэвлүүлсэн нь уран бүтээлчийн амьдаас амьд хөшөө гэлтэй. Удахгүй төрөлх Булган хангайд нь түүний нэрэмжит “Дууны хорвоо” уралдаан болно. Монгол хүн бүрийн сэтгэл зүрхийг дуугаар хөглөж, өөрөө бас хүн болгоны сэтгэл зүрхэнд хөг аялгуу болон хоногшин үлдсэн эрхэм хүн, уянгын дууны хаан, ойр дотныхондоо төдийгүй дуунд дуртай монголчуудынхаа сэтгэл зүрхэнд Чинжиг нэрээр үүрд дурсагдаж үлдсэн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг урын сандаа 300 гаруй зохиолын дуу, найрал дуу, цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвисан нь ямархан их авьяаслаг нэгэн байсныг илтгэнэ. Эгшиг яруухан дууны хорвоог эрхшээсэн Чинжигийн бүтээлүүд монгол түмнийхээ сэтгэлд үеийн үед дуурссаар, дурсагдсаар, дуулагдсаар байх бүлгээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Намар аа гэж юу сан билээ гэж найрагчид санааширдаг улирал аа

Гол ус тунгалагшин, хүмүүний сэтгэл ариусан яруусаад намрын хонгор өдрүүд найртайгаа, санааш­ралтайгаа хаяанд минь ирлээ дээ. Энэ тунгалагхан ахуй цагт үе үеийн найрагчид гэгээн сэтгэлээ гэгэлзүүлэн гэрэлт мөрүүдээ тэрлэн үлдээдэг. Нацагдорж найрагч тэртээх гучаад оны будан хүдэн дундаас эрдэнийн бийрээ сунгаж “Намрын шар нар над дээр, чам дээр тусна. Найган найгах улиралд нь бидэн хоёр найгана” гэж усны намуухан бидрээнд долгиотох навчистай ханьсах мэт цаанаа л нэг гуниглуун бичиглэнэ. Их Урианхай “Галын дөл шиг ганц улаан навч тэнгэр өөд хийсч явна, би уулын бэл рүү уруудаж явахдаа зөрлөө” гэж орчлонт ертөнцийн ирэх-буцах, учрал-хагацлын торгон ирмэг дээрээс уйтайхан учирлана. Аж төрлийн гундал мандал бүхнийг улаахан зүрхээрээ тэмтэрч, уран бүтээлийнхээ төлөө зовол, жаргалаа зориулсан Чойном маань “Намар аа гэж юусан билээ. Найранд барьсан аясан билүү, нахийтал сойсон морьсон билүү” гэж онгод билгээ дуудан дуудан, од хийморио зүлгэн өнгөлнө. Их бичгийн хүмүүн Инжинааш бээр “Намрын салхи цэлмэгэр жихүүн үед найгах өвс хийсэн уярмуй, навчийн улаанд шүлэг бичсэн мэт найрт зузаан хүмүүнээ гомдмуй” гэж сэтгэлийн хөдлөл, гомдлоо нимгэлнэ. Хорин гуравхан насандаа хорвоог орхисон гэгээн шүлэгч Гомбын Сэр-Од

“Цацаглан сугсрах ногоон хиаг сэрүүн хонгор салхинаа Цалгилан үелзэх нэлэнхүй хөдөлгөөнөөр далайн давалгааг дүрслээд Цавьдартан ухаарах дэлхийн хөрс ногоон хуягаа тайлж Царцаахайн час час хийх төмөрлөг дуу намрыг урин шагширна” гэж уянгатайхан гэгэлзэнэ. Дорнын их найрагч Явуухулан “Салхи ч үгүй нам гүм байтал Шарласан навчис хийсч байлаа, Санаанд ч үгүй аж төрж явтал Санчигны минь үс цайж байлаа” гэж ухаарлын учиг сүвэлж, “Айлууд нүүгээ л, амрагууд холдоо л, аяа хөөрхий, нүүдэлчний намар аа гэж” хэмээн шүүрс алднам. Ай хөөрхий, намар аа гэж юусан билээ. Модод нь хүртэл навчсаараа уйлсан Монгол нутгийн минь алтанхан намар аа гэж.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг

“Паанан”, “Соёо” зэрэг туужуудаараа нэгэн үеийн уншигчдыг байлдан дагуулсан МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Доржзовдын Энхболдтой уулзаж хөөрөлдлөө.

-Та нэг л нам гүм суугаад байх шиг. Энд тэнд болж байгаа хурал цуглаан уулзалт үдэшлэг, номын нээлт зэрэгт харагдахгүй юм?

-Хэрэндээ яваад л байгаа шүү дээ. Н.Банзрагч гуайн “Зам” романы нээлтэд очсон. П.Батхуягийн номын баярт очсон. Номын үзэсгэлэн худалдаанд оролцсон, Өгий нуурын хөвөөнөө болсон яруу найргийн наадам үзсэн. Гэхдээ залуудаа их нийтэч байсан хүн нас ахиад ирэхээр зожиг болдог бололтой юм. Хэтрүүлсний гор байх л даа. Залуудаа жаахан зожигдуу байсан бол өнөөдөр гүймхий болчихсон дэгдэж байж мэдэх л юм.

-Нас ахиад намба суух нь тэр үү?

-Үгүй юм байна. Хүн нас ахиад намба суудаг бол надад тийм өм алга. Улам л хөнгөрөөд хүнээс өрсөөд ярьж ч байх шиг, хүүхэд шиг зан гаргаад ч байх шиг эвгүй гэдгийг нь мэдсээр л хэрнээ ийм нэг зангаа засаж залруулж чадахгүй юм. Үүндээ их шаналдаг. Үг гэдэг тархи сэтгэлд хэдий чинээ олон эргэж хөрвөнөв төдий чинээ амт шимттэй болдог гэдгийг уг нь ойлгоод байх шиг байгаа юм, харин яг тухайн мөчид тэр үнэт эрдэнийг тархи сэтгэлдээ тэгж олон эргүүлж хоргоож чадалгүй чинагш алддаг миний гол дутагдал.

-Үгүй байх аа, та харин ч их өмчилдөг юм шиг санагддаг шүү. Аль хавар л өгүүллэгийн чинь номын сураг гараад байсан өнөө болтол уншигчдын гар дээр очсонгүй.

-Бэл дутаад гаргаж чадахгүй байна л даа.

-Ивээн тэтгэгч олдохгүй байгаа юм уу?

-Үгүй ээ тэр утгаар биш. Ном хэвлүүлчих дайны хөрөнгө мөнгийг хэдэн дүү нар маань ч эвлүүлж дэвлүүлээд гаргаад өгчихнө л дөө. Миний өөрийн сэтгэлийн бэл дутаад болохгүй байна. Өгүүллэгүүд маань яг дангаараа ном болж гарах бойжилт нь дутуу юм шиг санагдаад л.

-Цөөдөж байна гэсэн үг үү?

– Тооны хувьд ч боломжийн л доо. Би өмнө нь яг ингэж төрөлжүүлж гаргаж үзээгүй юм. Хэд хэдэн өгүүллэг нэг туужтай тэгнээд гаргачихдаг байж л дээ. Гэтэл дан өгүүллэг гаргана гэдэг чинь огт өөр юм байна. Одоо ер нь болж байгаа байх гэсэн шүү юм бодоод хэд хоног дарж байгаад үзэхээр исэлт нь дутуу оргиод хэвлүүлж чадахгүй удчихлаа.

-Та чинь өгүүллэгүүдээ арай тав арван жилээр хорьж шийтгэх гээгүй биз дээ?

-Арай тэгж удахгүй байх аа.

-Ер нь таныг утга зохиол руу юу хөтөлсөн гэж боддог вэ. Ижий ааваасаа өвлөсөн удам байна уу, уран зохиолын багш уу, нутаг усны өнгө үзэмж үү?

-Шунал. Би ер нь хэмжээ хязгаараа мэдэхгүй шуналтай хүн шиг байгаа юм. Хэрэв би уурхайчин болсон бол Тавантолгойг ч юм уу, Оюутолгойг гав ганцаараа хүрздээд Хятад руу хил давуулаад чулуудчих дайны шуналтан байсан байх. Бурхан түүнийг мэдээд үгийн эрэлд явуулчихсан бололтой юм билээ. Тэгээд магадгүй хэзээ ч олж чадахгүй үгээ энд л байж магадгүй гэж эрж бэдэрч явах одонд оногдчихсон бололтой. (инээв)

-Гэхдээ таны аав тань сэтгүүлч байхаа?

-Үгүй ээ, аав минь малын эмч. Харин идэвхтэн бичигч. Дээр үеийн төвийн хэдэн сонинд найруулал, тэмдэглэл, нийтлэл, сурвалжлага их бичдэг байсан. Харамсалтай нь бид тэр хайчилбаруудыг нь ариглаж чадаагүй ухаан дутсан даа.

-Та ер нь хэдийнээс бичиж эхэлсэн юм бэ?

-Нэгдүгээр ангид ороод л, А, Б гээд бичээд эхэлсэн л дээ.

-Цаашлуулаад л…

-Аравтай байсан юм уу, арван нэгтэй байсан юм уу “Говийн мэдээ” сонинд анхны мэдээ минь гарч шагналд нь гурван төгрөг далан зургаан мөнгө авсан юм. Түүнийхээ хоёр төгрөгөөр ангийнхаа Шинэхүү, Батантулга, Батжаргал, Зоригт дөрвийг дагуулан сумын дэлгүүрээс молоко авч хувааж сороод л юм бичихийн амтанд орсон л доо. Яг үнэндээ молокогоор тасрахгүй байх санаа л буйллаад ийш нь хөтөлчихсөн байх. “Говийн мэдээ” сониныхоо буянаар олон шинэ танилтай болж заримтай нь нэлээн зузаан нөхөрлөсөн л дөө. Тереска, шпрот гээд л тэр үедээ л тансаг идээтэй нөхөрлөсөн.

-Яваандаа шүлэг яруу найраг руу орсон байлгүй. Таныг Б.Лхагвасүрэн гуай шүлгээр жирэмслээд туужаар төрлөө гэж хэлсэн гэдэг байхаа.

-Дөрөвдүгээр ангид байхдаа анхныхаа шүлгийг бичсэн.

“Үй түмэн тэмээтэй Өндөр өндөр байшинтай

Өмнөговь сайхан аймаг” гээд л авч өгсөн, гэм нь хэвлэгдээгүй ээ. Говийн мэдээгээс маань миний дүү мэдээгээ л сайн бич гэсэн хариу ирсэн. Зургадугаар ангид орсон цагаасаа ах нарын захиаг харин хангалттай бичсэн. Нөгөө алдарт “Сэсээр улсаас гаралтай

Сэмжин цагаан цаастыг” чинь харин ч нэг үйлдвэрлэсэн дээ. Найм, ес, аравдугаар ангийн охидуудаар чинь өрхний оосор даялуулаад л авч өгнө шүү дээ. Миний бичсэн тэр захидлууд хэн хэнд очдогийг ч мэддэг байсан. Учир нь захидал бүр дурлан шатагч түүнээс дурлалт хонгор түүндээ дурсгаж бичсэн захидлын дугаар ноймор төд гээд дуусдаг байсан л даа.

-Хоёр гурван жилийн дараа өөрөө өөрийнхөө захиаг бичсэн биз?

-Загасчны морь усгүй гэдэг ёстой үнэн үг. Захидалчин хүн өөртөө хоосон төрдөг юм байна лээ.

-Та Эрка эгчээс айдаг юм байна.

-Яаж байна?

-Захидал бичиж байснаа ярихгүй л байгаа биз дээ.

-Бодит үнэн л тэр.

-Эрка эгч Говь-Алтайнх байхаа?

-Тийм. Говь-Алтайн Тонхил сумынх. Тоомойн Очирхүү гуайн нутаг. Нэг багийнхан.

-Чардаг найрагчийн нутгийнх юм байна шүү дээ.

-Тийм.

-За тэгээд оюутан болоод л онгодоор халгиж гарав уу?

-Яг ч бас тэгээгүй ээ. Есдүгээр анги төгссөн зунаа Сүрэнжав найрагчийн барааг нь харах нь байтугай бараг найзалсан. Тэднийх манайх хоёр Толгойтын баруун салаа гэдэг зусланд гарсан юм. Нэг удаа их олон найрагч тэднийд очсон юмдаг. Лав л Явуу гуай харагдсан, бас нэг сахалтай хүн байсан аягүй бол Цэдэндорж гуай байсан байх. Тэд байшинд шүлэг уншилцаад би байшингийнх нь ард чихээ наачихаад сонсож сонсож тэр шөнөө л хорь гаруй шүлэг биччихсэн юм. Ш.Сүрэнжав гуай хүн голдоггүй нэг сайхан дутагдалтай. Ойн цоорхой руу гудас сугавчлаад намайг дагуулаад явна л даа. Тэнд очоод надад шүлгээ уншиж өгнө. Ямар болж вэ гэж асууна. Би гэж дотроо том горьдлого тээчихсэн амьтан өнөөх олон шүлгээ дотуур халаасандаа хийчихсэн хэнгэнэтэл санаа алдаад л суухаас Сүрэнжав гуайд юугаа зөвлөх вэ дээ. Зусангаа тэгж яваад зуслан буухын босгон дээр үзүүлчихлээ. “Би монгол хүн” энэ тэр гэсэн шүлгүүд л байсан юм. Тэгсэн найрагч маань амьд хүн талийгаач хоёр ямар ялгаатай вэ гэж асууж байна. Талийгаач амьсгалахгүй гэлээ. Яг зөв. Чиний энэ шүлгүүдэд амьсгаа алга. Үг бол байна. Даанч амьсгалахгүй байна. Одоо ойлгов уу гэсэн юм. Би ч ерөнхийд нь ойлгосон. Тэгээд оюутан болсон хойноо хичээлийн хоёрдугаар байранд оюутнууд шүлэг зохиол уншдаг утга зохиолын нэгдэл байдаг гэж сонссон ч амьсгаагүй шүлгээсээ ичээд очиж чадалгүй явсаар гуравдугаар курсэд орсон хойноо зориглож очсон л доо. Нөгөө талд арван жилийн ангийнхан маань утга зохиолд их элэгтэй хүүхдүүд байсан. М.Цэдэндорж гуайн эхнэр Лхагважав багш уран зохиол заадаг байсан нь ч нөлөөлсөн байх. Ц.Цэнгэл, М.Гантулга хоёр маань Эрхүүгээс амралтаараа ирэхдээ уншиж байсан номуудаа авчирч өгнө. Куприн, Чехов, Нагибин, Рожденственский, Рэтхүү, Евтушенко, Айтматов, Гамзатов, Есенин, Фет, Распутин нар ирнэ шүү дээ. Тэгээд л гучин мянгатаа бариад тэдэнтэй нойр хоолгүй зууралдчихна. Дээр нь манай ихэнх хичээл орос хэл дээр явна. Анхныхаа лекцээс

“Кристаллография это наука” гэсэн гуравхан үгтэй гарч байсан хүн чинь хагас жилийн дараа юутай ч лекцээ алдалгүй тэмдэглэдэг болсон. Энэ нь нөгөө номуудтай зууралдсаны л ач. Ц.Цэнгэл маань өнөөдөр орчуулсаар л яваа. Хоёр нөхрийн минь нөлөө надад ингэж туссан. Тэр үед наяад оныхон маань ид бойжиж байсан үе л дээ. Утга зохиолын нэгдэл дээр уншигддаг бүтээлүүдийг ёстой нэг онгичдог байсан л даа. Тэгээд л үеийнхэнтэйгээ тачигналдаад л зохиолчдын өргөөний их хаалгаар орж явчихсан.

-Тэр хаалгаар бараг загнаж байгаад орчихсон гэдэг байх аа?

-Тийм ч юм болоогүй ээ. Нэг гомдсон хүүхэд яваад байхгүй юу. Тууж биччихсэн байдаг. Уг нь томчууд ам амандаа боломжийн болж гэлцээд байдаг хэвлэж өгдөггүй. Тэд маань намайг л хайрлаж өрөвдсөндөө тэгдэг байж л дээ. Гэтэл үзэл сурталд таарахгүй юм хийчихсэн яваагаа өнөөх нь ойлгодоггүй. Тэсэлгүй их хурал дээр гомдлоо хэлээд тавьчихгүй хаачихав дээ. Тэр маань ч аз шүргэхэд оносон л доо. Цаг зөөлөрсний л ач. Анхны тэр номыг минь “Соёмбо” хэвлэлийн газар хэвлэж өгсөн л дөө.

-Таныг утга зохиолд хөтөлж оруулсан багш чинь яг хэн юм бэ?

-Ш.Сүрэнжав гуай, Б.Лхагвасүрэн ах хоёрыг нэг үе их дагадаг байсан. Гэхдээ ухаан мөхөстөөд шавь нь болж чадаагүй юм. Хадаг барьж шавь ордог ёс мэдэхгүй зүүлэгтэхгүй юу.

-Онгод гэж яг юу юм бол та энэ талаар боддог уу?

-Бодох нь боддог юм аа. Даанч бодол богинодоод тэр онгод хаанаас хөвөрч ирдгийн учрыг сайн олдоггүй юм. Ер нь бол эрчим байх аа.

-Магадгүй шүү?

-Од гаригс харагдаад байна гэдэг чинь ямар нэг эрчим бидэн рүү ирж байна гэсэн үг мөн биз. Хүний матери руу хийсэн эхний алхмыг энэ эрчим л өгсөн гэж би бодоод байдаг юм. Хүн гэдэг идеал, матери хоёрын цогц шүү дээ. Гэтэл энэ хоёрыгоо салангид авч үзсээр хоёр зуугаад жил болж одоо хэтэрхий эмпирик гэх үү ер нь л материаллаг болчихоод байна л даа. Үүнийг би алдаа л гэж ойлгодог. Дахин сэргэлтийн урлагийг би идеаллаг зүйлсийг материаллаг болгосон алдааны эх гэж боддог. Бид үндсэндээ далан жил материалист философийг цорын ганц үнэн гэж итгэж явсан. 90 онд энэ маань нурангуут үүссэн орон зай руу нь юу чихэж орох гэж зүтгэж байгааг одоо энэ олон лекцчингүүдээс харж байна л даа. Гэхдээ энэ хөөс олон жил наслахгүй. Нүүдэлчдийн олон мянган жил тээж ирсэн жинхэнэ идеал цухалзаж эхэлж байна. Социализмын хүнд жилүүдэд энэ холбоог зохиолчид таслалгүй үргэлжлүүлж ирсэн юм болов уу гэж боддог. Түүнийгээ л онгод гэж нэрлэсэн байх гэж таадаг. Тархи сэтгэлээс ундарч байгаа их эрчмийг гар гүйцэж бичиж чаддаггүй үе байдаг шүү дээ. Хэн түүнийг бидэнд тийм их хурдтай яриад байна. Амьдрал уу. Тийм ч байж болно, бас нөгөө ерэн есөн тэнгэр ч байж болно шүү дээ. За тэгээд тийшээгээ их тэмүүлэхээрээ хадуураад тэнээд явчихдаг юм. Ингэсгээд зогсох уу.

-Та ер нь ахмад үеийнхнийхээ талаар юу гэж боддог вэ?

-Юу бодохов дээ. Тэд чинь биднийг бодохоос өмнө хийдгээ хийчихсэн улс. Тэгэхээр хүндлэх гэдэг ухагдахуун л үлдэж байгаа биз дээ.

-Тэгвэл өөрийнхөө үеийнхний талаар?

-Хайрладаг. Ялангуяа өндөр Баярсайхан,Соргодгийн Жаргалсайхан, Д.Норов, Л.Мягмарсүрэн, Ц.Чимиддорж, Ч.Мягмарсүрэн, Бя.Энхтуяа, С.Батмөнх Ц.Түмэнбаяр, Дан.Нямаа, Д.Төрбат, Д.Галбаатар за тэгээд танай сонины том дарга Б.Цэнддоо нарыг хайрлахгүй байж болно гэж үү. Цэнддоо, Долгорын Батжаргал бид хэд нэгдлээсээ тараад явж байхдаа шүлэг унших хүсэлдээ халуураад их дэлгүүрт очоод шүлэг уншиж явлаа шүү дээ.

-Үргэлжилсэн үг бичих залуу хүн харагдана уу танд?

-Бүжинлхам гэж охин бий.

-Та итгэлтэй байна уу?

-Итгэдэг.

-Та АНУ-д байхдаа тэндхийн утга зохиолыг хэр зэрэг уншсан бэ?

-Маш бага. Бараг үгүйтэй адил.

-Яагаад, хэл дутсан уу?

-Монгол утга зохиол гэдэг өмчтэйдөө эрдээд гэх үү дээ. Нөгөөтэйгүүр нөлөөнд нь автчих байх гэж айсан.

-Та чинь ирэнгүүтээ л телевизийн олон ангит киноны зохиол биччихлээ шүү дээ. Ажилсаг байна шүү.

-С.Эрдэнэ сайдыг дэмжих болов уу гэж горьдоод Америкт байхдаа санал тавьсан чинь маш сайхан урам өгч дэмжсэн л дээ. Урлаг, утга зохиол их ойлгодог, тэр дундаа кино урлагийг дэндүү сайн ойлгодог хүн юм билээ. Түүнд нь зоригжоод ер нь харья гэж бодож явсан болохоор бушуухан хүрээд ирсэн. Үзэгчид маань ч гололгүй сайн үзсэн гэсэн судалгаа гарсан байна билээ. Энэ киног үзэгчдэд хүргэснийхээ дараа нийгэм маань ямархуу түвшний хатигжилттай байгааг маш сайн ойлгож авсан.

-Дахиад кино бичих үү?

-Д.Төрмөнх “Кино зовлонтой урлаг, мөнгөнөөс уяатай нохой л гэсэн үг” гэж хэлсэн нь их үнэн санагдсан. Мөнгө олдвол бичмээр санагдаад л сэтгэл загатнуулаад яваа хэд хэдэн сэдэв байгаа. Бичигдчихсэн бэлэн зохиол ч байгаа л даа.

-Би ч бас “Хоймор өнжих нар” киног анги алгасалгүй үзсэн л дээ. Ний нуугүй хэлэхэд хэтэрхий цагаан юм шиг санагдсан.

-Бид багаар бодоход дөчин жил нам төрийн магтуу хийсэн. Сайн ч хийсэн. Бараг хамгийн сайн хийсэн ажил маань үзэл суртал байсан байх. Гэтэл сүүлийн хорин таван жил нөгөө цагаан тоосгоноосоо хариугаа авч байгаа юм шиг л хар багс бариад дайрчихлаа. Яг үнэндээ өнөөдөр нийгэм маань юу нь мэдэгдэхгүй шингэн дунд шүдээ хавиран хөлбөрч байна. Ямар ч юмыг нүцгэлчихээд хараад суух нь наанадаж хэлэхэд гунигтай. Тэгээд түүнийгээ өдөр бүр хэдэн арван сонин, телевиз, радиогоор занчиж суух ер нь ямар байхав. Хамгийн номхон ямааг ч хэд ороолгоход л эргээд мөргөнө. Бид нийгмээ тийм л болгож байна. Өнөөгийн үзэгчид кино театрт ороод нэг бол нүүрээ хэтрүүлж будсан марзганал, үгүй бол зовиуртай зодоон цохион аллага таллага үзэж байна. Бидний хамгийн үзэл сурталжаагүй нийгэм гэж боддог Америкт энэ талаар цэгцтэй бодлого байдаг юм билээ. Нийгмийг зодож эрүүлжүүлдэггүй, хайрлаж энэрч зөөлрүүлдэг. Би ч ийм л хүслээр энэ зохиолыг бичсэн. Дахиад ч байгаа. Ер нь ямар ч хэлийн зохиолч хүчирхийлэл сурталчилдаггүй.

-Яагаад?

-Зохиолч учраас.

-Та ер нь хэний зохиолыг унших дуртай вэ?

-Эрдэнэ баавай, П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Б.Галсансүх, Т.Бум-Эрдэнэ.

-Гадаадынхнаас?

-Чехов, Хэмингуэй, Фолкнэр, Шолохов.

-Достоевскийг уншдаггүй гэж үү?

-Унших нь уншинаа. Гэхдээ би адуу, тэр тэмээ шиг санагдаад байдаг юм. Өөр төрлийнхөн гэх үү дээ.

-Өө нэг юм мартах шахлаа таны ном Герман хэл рүү орчуулагдаж байгаа гэж фэйсээс уншлаа хэдийд гарах бол?

-Ренатэ Баувэ гэдэг монголч эрдэмтэн Герман хэл рүү хөрвүүлсэн юм. Ном маань гүйцэтгэлээрээ гуравт яваа гэсэн. Япон зохиолч, Латин Америкийн зохиолч хоёрын ард яваа юм билээ. Ирэх хавар гарчих байх аа.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жин тавиад эдгээчих зүйлийг мэс хүргэж хүндрүүлдэг

Нярай эхчүүдийн хөх цочирч, булчин нь зангирах тохиолдол элбэг байдаг. Үүнийг
“горьдчихлоо, горьдсоноос боллоо” гэцгээдэг. Эхийн хөх нь чинэрч өвчин орсон ихэнх
тохиолдолд эмч нар мэс ажилбар хийж, өвчнөөс нь ангижруулдаг. Заримдаа мэс ажилбар
нь хүндэрч хөхөө авахуулах, хэд хэдэн удаа хагалгаанд орох, тэр бүү хэл эхийн амь
насанд хүртэл аюул учирдаг.

Хөх ийн хавдаж, булчин нь хатуурсан тохиолдолд хамгийн тустай зүйл бол халуун
усаар шүрших юм уу, халуун усанд норгосон алчуураар жин тавьж, саунд суун, тайвшруулах
эм ууж амарснаар булчин нь зөөлөрч хагалгаанд орох шаардлагагүй болдог байна.

Ингэж халуун жин тавин, зангирсан булчинг тавируулснаар заавал ч үгүй хагалгаанд
орох шаардлагагүй юм. Тэгэхэд манайхан горьдоог нь тайлж байгаа гэж нярай эхэд хомоол
цаасанд боож өгөх юм уу, ямар ч мэдлэг боловсролгүй
хар домын ёстнуудаар мэс хүргэх тохиолдол цөөнгүй гаргадаг нь харамсалтай.

Иймээс бүсгүйчүүд эх болсон цагаасаа эрүүл мэнддээ санаа тавьж, хэн ч мэдмээр
юм шиг боловч тэр бүрий анзаардаггүй ойр зуурын нэг ч болтугай аргыг мэдэж байх
нь чухал аж.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийг донсолгосон Кафка ба “Хонгилд” номыг ухаарахуй

XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч Франц Кафкагийн “Хонгилд” хэмээх богино өгүүллэгийн түүвэр Монголд анх удаа П.Энхтуяагийн орчуулгаар хэвлэгдэн гарчээ. Тэрээр Чехийн Прага хотноо худалдаачин еврейн гэр бүлд төрсөн. Эцэг нь насны эцэст хөрөнгөжсөн бөгөөд хувийн дэлгүүрийн эзэн болсон юм. Амьдрал нь ийнхүү дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хүнийг биеэ тоосон, зөрүүд нэгэн болгон хувиргасан бололтой. Учир нь Кафка эцгийнхээ тухай “Эцэгтээ бичсэн захидал”-даа таагүй зүйлсийг бичсэн байдаг. Магадгүй тэр зүйлс Кафкаг амьдралын гүн гүнзгийн тухай “Хонгилд” өгүүллэгийн ном бичигдсэн “Хөдөөгийн эмч” шиг амьдралын тухай эргэцүүлэлд хөтөлж “Индиан болох хүсэл”-ийн зүг тэмүүлэх зүрх сэтгэлийг хайрласан буй за. Тус орчуулгын номыг ариутган шүүсэн соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзана өмнөтгөлийн үгэндээ “Энэ номыг нимгэхэн гэж бүү бодоорой” гэжээ. Үнэхээр дэлхий нийтийн уран зохиол судлаач, эрдэмтэн мэргэд, уншигч сонирхогчдын хэн нь ч Кафкаг нимгэхэн хэмээн хүлээн авахгүй болов уу.

Түүний амьдралыг үзэх гүн гүнзгий санаа нь “Цөөврүүд ба арабууд” өгүүллэгийн европ, араб хүмүүсийн зааг ялгааны үнэн чанар, хүний араатанлаг авир, шуналт сэтгэлийг цөөвөр чонын дүрээр илрүүлэн гаргасанд оршино. Тус өгүүллэгийн гол дүрийн өгүүлэгч баатарт цөөвөр чоно ийн хэлдэг “Чи хүн учраас, магадгүй алс умардад ч ялгаагүй байдаг хүний л тэр зангаараа биднийг ойлгосонгүй ээ. Бид тэднийг алж устгахгүй. Хэрвээ тэгвэл Нил мөрний ус ч биднийг угааж ариулж хүчрэхгүй биз. Бид тэдний амьд барааг харангуутаа л илүү цэвэр агаар руу, эх нутаг минь болсон элсэн цөл рүүгээ амь зулбан зугтдаг юм шүү дээ” гэсэн буй. Үүнээс л харахад хүн төрөлхтний оюун санааны оргил болсон утга зохиолыг зөн билгээрээ донсолгосон уран бүтээлч гэж хэлж болохоор юм. Хүмүүс биднийг шунал, бурханлиг чанараа гээсэн зан авираа жинхэнэ уран бүтээлчид амь тавин зугтаж байгальтай илүү ойрхон байхыг хүсэн тэмүүлэх тэр зохиолч чанарынхаа талаар Кафка далд өгүүлэмж бүтээжээ.

Мөн номын 51 дүгээр талд “Прометей” хэмээх идеалист болон түүхэн маягийн богино эргэцүүлэл бий. Прометейн тухай дөрвөн янзын домог л доо. Гэвч Прометейн бурхдаас урваж Кавказын хаданд цовдлуулдаг тухай домог, алдарт зохиол энд төдийлөн байр суурь эзлээгүй. Зүгээр л тэр хүн төрөлхтний оршихуйн тухай санааширсан юм. Яагаад гэвэл тухайн өгүүллэгт энэ тухай тодорхой харуулжээ. Цовдлуулсан Прометейгоос бурхад, махчин шувууд урт удаан хугацааны туршид залхаж байгааг харуулна. Мөн Прометейн шарх дороо эдгэдэг. Эцэстээ хүрэн улаан цохио үлдэж байна. Тиймээс хүний амьдралын мөн чанар, дасан зохицох үйл явц, оршихуйн бодит гаргалгааг домог зүйтэй холбон үзүүлсэн нь гайхалтай.

Эл номын утга санааг ганцхан өгүүлбэрээр бус агуулга, утга санаа, номынх нь бүтцийн хувьд авч үзэх хэрэгтэй. Мөн Кафкаг ойлгоход хэчнээн бэрх байдаг гээч. Үүнийг дэлхийн томоохон шүүмжлэгчид хүртэл хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч “Хонгилд” номыг ганцхан удаа эргүүлээд номын сандаа хавчуулаад орхих нь маш буруу. Түүнийг дахин дахин сөхөж харах хэрэгтэй.

Ер нь тус номонд нийтдээ 27 өгүүллэг, зураглалууд багтсан байдаг. Орчуулагч П.Энхтуяа “Кафкагийн богино өгүүллэгүүдийг орос хэлнээс орчуулахдаа, түүний бичлэгийн өвөрмөц хэв шинж, тухайлбал яг нэг цаг хугацаанд зэрэг өрнөж байгаа олон үйл явдлыг цэг таслалаар холбосон, урт өгүүлбэрт багтаан, найруулан, хүүрнэдэг онцлогийг аль болох хадгалахаар хичээлээ” хэмээжээ. Энэ нь туйлын үнэн бөгөөд Кафкагийн этгээд содон бичлэгийн хэв маяг, сунжирсан ганц өгүүлбэр дотор хэчнээн олон үйл явдал, бодол эргүүцэл, шинжлэх ухаанд түлхэц болохуйц философийн гүн утга санаа нуугдаж буйг уншигч та бүхэн “Хонгилд” номоос олж харах боломжтой.

Л.БАТЦЭНГЭЛ