Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Мухар сүсэг дэлгэрсэн газарт хуурамч хувилгаад олширдог

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө.

-Таны “Хашаатын өгүүллэгүүд” гэсэн ном байдаг. Тиймээс уншигчид таныг Архангайн Хашаат сумынх гэдгийг бүгд мэдэж таараа. Хүүхэд насныхаа талаар аль хэр олон зохиол бүтээл туурвисан байх юм бэ?

-Би тэр нутаг уснаас төрсөн юм болохоор манай нутгийнхны яриа хөөрөө минийхтэй их төстэй. Бага насныхаа дурсамжуудаар “Гашууны голын хүү” гэдэг номондоо долоо найман өгүүллэг бичиж оруулсан. Би багын жаахан хөөрүү. Энэ зангаа анзаарч ажигласнаа бичсэн. Тэр маань ч зугаатай болсон. Алдсан морио олоод ирэхэд аав маань намайг магтаад “Миний хүү ч өдрийн од шиг ховорхон хүү дээ” гэхэд би “Аав аа, өдөр од байдаг юм уу” гэхэд ээж, нутгийн өвгөн хоёр “Өдрийн од их азтай хүнд харагддаг юм гэнэ лээ” гэж байгаа юм. Амьдрал дээр ч яг тийм юм болоогүй л дээ. Тэгсэн би “Өдрийн од харлаа” гэж тэнгэр өөд заагаад, улсууд “Хаа байна, хаа байна” гэж шуугилдаж байгаа юм. Ах минь хожим “Миний дүү ч багадаа өдрийн од харсан хүн дээ” гэхээр их ичдэг гэж байгаа. Ортой нь ортой дурсамж л даа. Иймэрхүү маягийн өгүүллэгүүдээс бүтсэн “Гашууны голын хүү” номд миний арваад насны амьдрал гардаг юм.

-Өдрийн од гэснээс хэдхэн хоногийн өмнө тэнгэрт өдрөөр нар, сар, од гурав чандмаллаа гээд сүйд болцгоосон. Та ер нь өдрийн од олж харав уу?

-Би өдрийн од хараагүй. Гэрэлтэй байхад угаасаа харагдахгүй байлгүй. Улсууд тэрийг харлаа гэдэг ч юу л бол. Монголчууд маань өнөөдөр хориннэгдүгээр зуунд аж төрж байгаа. Техник, технологи хөгжчихсөн үе шүү дээ. Барьж байгаа утсаа, үздэг зурагтаа хар, агаараар явдаг онгоцоо бод. Өндөр хөгжилтэй орноор аялж байгаа даяаршлаа харьцуул. Тэгэхэд л манайхан азтай хүнд өдрийн од харагдана гэхээр л тэр рүү хуйлраад байдаг. Аливаа зүйлд шинжлэх ухааны үүднээс л хандах хэрэгтэй. Буриадад нэг ламыг хөлдүү цэвдэг газарт оршуулж. Тэгэхэд л манайхан Итгэлт хамба амьд бурхан гээд сүйд болоод байх юм. Сая манай Архангайн хойд талын нутаг Цахираас нэг шарил олоод л. Тэгдэг нь зөв ч юм уу, буруу ч юм уу, ямартай ч үзэмжгүй эвгүй байна лээ ш дээ. Амьддаа нутгийнхандаа амьд бурхан гэж хүндлэгдэж байсан, сайхан энергитэй, хэчнээн ухаантай, сайхан хүн байгаа бол. Одоо бөхийж хатчихаад байгаа нь минийхээр бол хүүр юм даа. Эд нар ямар юм ч гэнэв сайхнаар нэрлээд байгаа. Тэрийг шүтээд сүйд болох нь ээ. Цахирын тэр шарилыг манай лам нар, тэр дундаа бурханч лам Пүрэвбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц нар өндөрт мандуулаад шүтүүлэх нь гэж би хардаж байна. Лам хүнийг хардаж болох эсэхийг би мэдэхгүй ч мөнгө олох гээд байна гэж бодоод байгаа. Итгэлт хамба гээд сүйд болтол сурталчлаад байгаа чинь мөнгө олох л хэрэгсэл байхгүй юу. Мөнгө олох гэж сэдсэн улсыг буруутгаад хэрэггүй. Тэрэнд нь хууртаад мөнгөө үрж байгаа хүмүүсийг л буруутгах учиртай.

-Тээр жил би Буриадад очихдоо тэр сүйд болоод байгаа Итгэлт хамбын шарилыг үзсэн л дээ. Гурван настай хүүхэд шиг жижигхэн болтлоо бөгтийгөөд хатчихсан борц л байдаг юм билээ. Тэгэхэд манайхан амьд гээд л мөргөөд, тийш очихгүй л бол хүн биш болчих юм шиг хамаг мөнгөө гадагш цацаад байгаа нь дэндүү эмгэнэлтэй санагддаг юм…

-Чи бид хоёрын санаа сайхан нийлж байна. Сэтгүүлч, уран бүтээлч хүний хувьд энэ эмгэнэлийг ард түмэндээ таниулах бидний үүрэг. Манай зохиолч, сэтгүүлчид бид мухар сүсэгтнүүдийг гэгээрүүлье. Мухар сүсэг хаана байна, тэнд хуурамч хувилгаад, үзмэрчид олширдог. Ийм л хуурамч амьтдаас гэнэн ард түмнээ бид аварна шүү. Миний уран бүтээлийн нэг гол зарчим энэ байгаа юм. Би өөрөө нэг их шалихгүй мөртлөө соён гэгээрүүлэх том санаатай хүн байгаа юм.

Зүүн гараас Болгарын шог зураач
Карандаш, Египетийн зураач, Оросын яруу найрагч Кравченко, алдарт шог зураач
Херлуп Бидструп, Монголын шог зураач Ц.Доржготов, Оросын шог зураач Долгоруков
нар. 1970-аад он

Ард түмнээ ухаантай байгаасай, Япон, Герман зэрэг өндөр соёлтой улсын гэр орондоо аж төрөх хэв маяг, хот талбайдаа цэвэрхэн сайхан амьдрах соёл, хүн хүнтэйгээ харьцах найрсаг дулаан харилцааны хэлбэр улам сайхан болоосой гэж залбирч явдаг. Бид япончууд, германчуудаас бяр чадал, ухаан билгээрээ дутаад байгаа улс биш, буруу зуршлаараа л бид тэднээс давчихаад байгаа юм. Герман, Япон биднээс илүү төрчихсөндөө түрүүлээд тийм сайхан нийгэм байгуулчихаад байгаа юм биш. Тэд манайх шиг олон зуун жил заваарч байж, чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж өвчин тахалдаа баригдаж, мөнгөө мөнгө болгож чадаагүйн горыг эдлээд, хуримтлал хурааж чадаагүйн золиосыг амсаж, дайн хийснийхээ горыг амсаад одоо л нэг улс шиг улс болоод байгаа юм. Монголоо Япон, Герман шиг болгоход чи бидний л соён гэгээрүүлэх үйлс хэрэгтэй.

-Олон түмнийг соён гэгээрүүлэх гэсэн бодол чинь мухардалд орж ягтаад байгаа юм биш үү?

-Соён гэгээрүүлэх үйлс яагаад үр дүнгүй болоод байна вэ гэвэл хориннэгдүгээр зууны мэдээлэлд ханасан үзэгдэл юм. Өнөө цагийн хүнд дуулаагүй юм ч гэж байхаа больчихсон. Би өнөөдөр нэг зохиол бичье гэхэд санаа нь аль эрт гарчихсан л байгаа. Чи нэг шүлэг бичээд хүний сэтгэлийг хөдөлгөөдөхье гэхэд бас л урьд нь бичигдчихсэн байх жишээтэй. Мэдээлэлд ханачихаар цаад талын үнэтэй юм үнэгүй болчихоод байна. Аливаа юм ховорхон үедээ үнэтэй байх шиг байгаа юм. Манийг багад Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Донровын Намдагийн “Цаг төрийн үймээн” романууд хэвлэгдэж, “Сэрэлт”, “Ардын элч” кинонууд дэлгэцнээ гарлаа. Энэ дөрөв байхад л бид чинь хэд дахин үзчихсэн, радиогоор хэдэнтээ нэвтрүүлчихсэн учраас зохиолын баатруудын үг яриаг цээжилчихсэн байдаг байлаа. Лодойдамба гуай, Намдаг гуай хоёр үнэхээр азтай зохиолчид. Тэр романуудыг Монголын бүх хүн уншчихсан, хэлсэн ярьсныг нь үнэлж нандигнаж үздэг байсан. Одоо тэр хоёрын хярааны зохиол гараад л байгаа шүү дээ. Гэхдээ л тоохгүй байгаа. Энэ бол хариулахын аргагүй хэцүү асуулт. Зөвхөн Монголд биш хүн төрөлхтөнд ийм хэцүү асуудал тулгарч байгаа байх. Ер нь хүн төрөлхтөн бурхандаа ч итгэхээ байсан, шинжлэх ухаандаа ч итгэхээ байсан. Гэхдээ гарц байгаа л гэж итгэж байна.

-Та “Мухар сүсэгт баригдахын цагт хуурамч хувилгаан гэгээд олширдог” гэлээ. Танай Архангайн Зая гэгээн, манай Баянхонгорын Ламын гэгээний хойт дүрүүдийг Далай лам батламжлаад байгаа нь хуурамч хутагт хувилгаадад тооцогдоно гэсэн үг үү?

-Би аливаа зүйлд шинжлэх ухаанчаар ханддаг материалист үзэлтэй хүн. Тамгатай хутагтуудын цол хэргэмийг Манжийн хаан Монголыг эрхшээж байх гэж л авлигаар шахуу өгч байсан. Тамгатай хутагтууд хүн л болсон хойно өнгөрөхөөр хойт дүрийг нь тодруулдаг уламжлал явж ирж. Энэ бол хүн төрөлхтний л явдал. Хүн төрөлхтөн чинь хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл жигтэйхэн гэнэн явж ирсэн юм. Нэг хувилгаан үхэхэд сүнс нь дахиад нэг газраас гараад ирдэг. Гарч ирсэн сүнсийг олдог, сунтагшуулах гэж нэг юм болдог. Одоо энийг давтана гэдэг эмгэнэлтэй бөгөөд инээдэмтэй санагддаг. Яахав, урьд дүр нь ямар их эрдэм гэгээрлээр эх орон, ард түмнээ гийгүүлэв гэдгийг судлаад, цааш нь үргэлжлүүлээд явахыг бид нар хүлээн зөвшөөрч болно. Ер биш, хүн биш болгоод сүсэлж дээдлээд явбал утгагүй. Далай лам л зөвшөөрчихвөл бид тэр хүнийг хүн биш бурхан болгоод явчихаж байгаа шүү дээ. Энэ чинь л жинхэнэ мухар сүсэг. Бид шашин, мухар сүсэг хоёрыг одоо л ялгаж сурах хэрэгтэй.

-Хоёулаа ч шашин, мухар сүсэг гэж баахан хадуурах шив. Хашаатынхаа сургуулийг төгсөөд шуудхан хотод ирэв үү?

-Би 1949 онд Хашаатынхаа сургуульд орж, 1953 онд дөрөвдүгээр ангиа төгслөө. Нэг л их шагнуулсан амьтан онц сурна. Багаасаа тоондоо их сайн байсан. Одоо чинь хүн болгон л онц сурсан гэх юм. Миний сурч байх үед ангид хоёр гуравхан хүүхэд онц сурдаг байлаа. Би тэр онцчуулын нэг байснаа нуухгүй. Дөрөвдүгээр ангиа төгсөөд л Хашаатын сургуулийн боловсрол дуусч байгаа юм. Яг төгсдөг жил зэргэлдээх Хотонт суманд тавдугаар анги нээгдлээ. Тавдугаар ангид манай ангийнхныг хөөдөг байгаа. Бүгдээрээ оргочихсон. Урьд нь Хашаатаас гадагш сургуульд ганц ч хүн явж байгаагүй болохоор айцгаахгүй юу. Би чинь үндсэндээ айлын отгон хүү болохоор ээжийнхээ мөөмнөөс гараагүй шахуу л хүүхэд. Оргоод явж байтал аймгийн төлөөлөгчид баригдаад, машиндаа суулгаад авч явах гэтэл ээж уйлаад “Хүүгээ мориор хүргэж өгье” гэж авч хоцордог юм. Хоцорчихоод байж байтал манайхан заль хэрэглэж хотод байдаг төрсөн эгч рүү минь явууллаа. Хашаатаас Дашинчилэн ортол тэмээн тэргээр ирээд, Дашинчилэнгээс “Урал зис” гэдэг машины тэвшинд ачигдан, замдаа машин эвдэрч хоёр хоног явж хот орж ирдэг юм. Хотын арванзургадугаар сургуулийн тавдугаар ангиа сүрхий төгсчихөөд нутагтаа очлоо. Аав ээж маань “Ноднин их муу оргуулж байж баригдсан. Энэ жил овоохон оргуулна аа” гээд хичээлд явуулалгүй аваад хоцордог юм. Тавин гурван онд хотын Комбинатын район чинь хашаагүй гэрүүдтэй, ил задгай жорлонтой хачин юм байлаа даа. Би айлын отгон, бас ч үгүй мал сайтай хүний хүүхэд, хөдөө морь унаж, тарган махаа идээд, айраг таргаа идэж өссөн хүн чинь тийм муухай газарт сургуульд явахыг тэр бүр хүсэхгүй еэ дээ. Арван найм хүртлээ хөдөөдөө жаргалтай тарайж явтал нэгдэлжүүлэх хөдөлгөөн үүсэж, малыг маань хамаад авчихлаа. Тэгтэл аав “Малын зах эргүүлүүлэх ч өнгөрлөө. Одоо чи тэр сургууль соёлдоо яв” гэлээ.

-Сургуулиас овоо хэдэн жил завсардчихаад байхад чинь юм аа даа?

-Дөрвөн жил завсардчихсан, арван наймтай том эр хүн чинь яаж зургадугаар ангид орох билээ. Надтай хамт тавдугаар ангид сурч байсан хүүхэд есдүгээр ангид байгаа юм чинь. Ажил хийе гэж бодоод Хэвлэх үйлдвэрт зургийн дөртэй хүүхэд авна гэсний дагуу шалгалт өгч тэнцээд ажилд орлоо. Энд орсноор зохиолч, зураач болох зам үүд нээгдсэн. “Тоншуул” сэтгүүл “Матар” нэртэй байхад хэд хэдэн зураг зурлаа. Цэгмидийн Гайтав гуай миний хэвлэгдсэн зураг нэг бүрт гучин төгрөгийн шагнал өгнө. Тэр үед би “Элдэв-Очир” кино театрт кино их үзнэ. Голдуу орос кино орчуулгагүй гарна. Тэрийг үзсээр хожим хойно сурахдаа тэгтлээ ч толгой өвдөөгүй шүү. Би үеийнхнээсээ их хоцрогдсон учраас одоогийн хорингуравдугаар сургууль дээр байрлаж байсан Ажилчин залуучуудын оройн сургуульд орж, хөдөө мал дээр гарч хаширсан болохоор “Гадаадад сургуульд явна” гэсэн бодолтойгоор шамдан суралцаж аравдугаар ангиа онц төгслөө.

-“Тоншуул” сэтгүүлдээ зургаа зурсаар л байв уу?

-Ардын хувьсгалын 40 жилийн ойд зориулсан шог зургийн уралдаанд нэг зураг матарлаад хаячихсан чинь 800 төгрөгөөр шагнуулаад нэгдүгээр байр эзэлсэн байх юм. А.Гүрсэд, В.Одгийв гэдэг хоёр зураач миний ард орж. Ингээд бөөн хөөр болохгүй юу. Тэгж байтал “Тоншуул” сэтгүүл намайг авна гэлээ. Хэвлэлийн үйлдвэрийн дарга Ахмед намайг өгөхгүй гэж их шазруунтлаа. Би ч очно гэж бараг л уйлахаа шахлаа. МАХН-ын Г.Очирбат гэдэг мундаг дарга чинь тэр үед “Үнэн” сонины нэгдүгээр орлогч бөгөөд “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгч байлаа. Тэр хүн Төв хорооны нарийн бичгийн дарга нарын тогтоол гаргаад “Тоншуул” сэтгүүлд авлаа. Хэвлэх үйлдвэрийн ажилчин байсан нөхөр чинь хоёрдугаар эмнэлэгт үзүүлдэг, Төрийн ордонд орж хоол иддэг мундаг том амьтан болов оо.

-Өө, бүр гараад өгчээ?

-Ордонд үнэмлэхээ үзүүлээд орохоор үүдний харуул нь одоогийн Их хурлын гишүүдэд ханддаг шиг ёсолж оруулна. Ёслоход нь “Саяхан л мал хариулж явсан хүн ингэж томрох ч гэж. Хашаатынхан л бүү харчихаасай” гэж их ичдэг сэн. Тэр ичих мэдрэмж надад хожим тус болсон юм шүү. Зураг маань надад түргэн сэтгэх дасгал болсон. Зургаар өгүүлж амжаагүй санаагаа зохиолоор дэлгэрүүлж гаргах чухал байсан учраас зохиол бичиж эхэлсэн. Монгол хэл найруулгаа сайжруулахаар шамдан хичээж эхэллээ. Би чинь их хэнхэг хүүхэд байсан. Дурлаж зүтгэсэн зүйлээ биелүүлэх гэж эсрэг, адил утгатай үгсийг шөнөжин хуулж бичээд л. “Тоншуул”-д ажиллаж эхэлсэн болохоор шог зохиолч болчихсон хүн шүү дээ. Өөр газарт ажилласан бол яах байсныг бүү мэд. Тэрнээс би ч тийм сайн хошин шог бодолтой хүн биш шиг байгаа юм. Өөрийнхөө гаргасан тав зургаан ботид орсон бүтээлүүдээ анзаарахад арван хувьд нь л шог багтсан байгаа.

-Та хойно ямар сургуульд суралцсан билээ?

-ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийн хэвлэлийн зураачийн ангид 1964-1969 он хүртэл таван жил сурсан юм. Энд сурч байхдаа гадаадын зохиолчид, зураачидтай танилцаж, үерхсэн минь миний нүдийг жаахан ч болтугай нээсэн гэж боддог. Би чинь том ресторанд ордог, анх очоод “Монгол оюутантай нэг өрөөнд орохгүй” гэж томорсон нөхөр дөө. Орос хэлдээ сайн болох гэж л тэгж загнасан хэрэг.

-Тухайн үед Зөвлөлтөд суралцсан оюутнууд ууж сурснаа их гайхуулдаг. Та тэр “гайхамшиг”-т хэр суралцав?

-Орос оюутнууд эмэгтэй, эрэгтэйгүй ууна. Тэр үед надад ажиглагдаж байсан зүйл гэвэл “Орос хүнээс архи уудаг уу гэж битгий асуу” гэцгээдэг байсан. Бүгдээрээ уудагч нармийтлаа, одооны манайхан шиг яадгаа алдталаа их уухгүй. Нэг хэсэг нь хөлөө алдана л даа. Би “Крокодиль” сэтгүүлийнхэнтэй очуутаа үерхсэн. Зургаа өгнө. Хааяа хэвлэгдэхээр нь шагналаараа нөхдөө том ресторанд оруулж дайлна. Монголоос Горькийн Утга зохиолын дээд сургуульд зохиолч Доржийн Гармаа, яруу найрагч Долгорын Нямаа нар суралцаж байсан. Тэдэнтэйгээ ч нэг их нийлж байсангүй. Оросуудтай л нийлдэг байсан. Сэтгэл зүй, философийн хичээл дээр мэтгэлцээн их явна. Хэлтэй хүн л мэтгэлцээд ялах учраас донтой юм шиг л орос хэлээ сайжруулж муруй хазгай хэлээр үзэлцдэг байлаа.

>>Үргэлжлэл бий>>

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мах идэх шүд аманд, хүн идэх шүд сэтгэлд бий

“Амьдрал богинохон учир шүдтэй байгаа дээрээ инээ” гэсэн үг олж уншив. Үнэн л үг юм. Өвгөд маань ч “Ертөнцийн гурав”-таа “Өсөхөд шүд нэг цагаан” гэсэн байдаг. Гучин хоёр цагаанаа яралзуулаад инээж байгаа хүн нүдэнд дулаахан харагддаг. Инээж байгаа, сэтгэлдээ жаргалтай хүн шүдтэй, шүдгүй нь эцсийн эцэст хэнд ч хамаагүй л дээ. За тэгж байтал “Мах идэх шүд аманд бий. Хүн идэх шүд сэтгэл дотор бий” гэсэн сүрхий үг байна. Шүд тэгэхээр янз бүр байдаг байх нь. Хөгжилтэй орнуудын хүмүүсийн байр байдлыг харахад бүгд л яралзтал инээж, хажуугаар зөрөөд өнгөрсөн ч толгой дохин мишээж байдаг. Харин бид бол угтаа тийм биш. Хэн нэгэн инээгээд, шүдээ яралзуулан мишээвэл “Энэ муу одоо яагаад хүн доромжлоод байгаа юм” гэж бодох жишээний. Манайд харин шүдтэй байгаа дээрээ инээх, аз жаргалтай байх логик утга бүр эсрэгээрээ гэхэд болно.

Төрийн албан хаагчид хүнд суртал гаргаж, ёстой л идэр залуу чонын яралзсан араа шүдийг гаргаж, “аррр” гэх нь энүүхэнд. Нийтийн унаанд суухад автобусны жолооч, мөнгө хураагчаас эхлээд урт урт цагаан соёо яралзуулах нь сэтгэл дэх шүдээ гайхуулж байгаа нэг хэлбэр. Төр түшдэг хүмүүст ч бас эцэг эхээс заяасан сайхан муухай, шарласан, хорхойтсон янз бүрийн л шүд бий. Хэн нэгэн хүн төрийн өндөр албанд очлоо гэхэд “Овоохон идэж, дориухан шингээнэ дээ” гэж араа юугаан билүүдэж, ар юугаан үл бодон сувдаглана. Хорхойтсон шүд ходоодны дайсан болдгийн үлгэрээр “аавынх” руу ачигдахын цагтаа хуулийг гууль болгон хэмлэж, гадаад хийцийн гав дөнгийг ч тас мэрэх гэж оролдоно. Инээ гэж шүд заяасан атал идэх хивэх гэж буруу ойлгосны гор ингэж гарна. Шунал, атаа жөтөө хүний сэтгэлийн шүдийг хорхойтуулж иднэ. Тэгэхээр аз жаргалын цагаан хэрэм болсон шүднийхээ шидийг нэг үзүүлж нээх сайхан инээцгээе дээ, хүмүүс ээ.

Categories
мэдээ цаг-үе

Бавуугийн Лхагвасүрэн: Би нүд, чих, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамладаг

Монгол Улсын төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.

-Монголын төрийн эрхэм дээдэст хаяглан бичсэн захидлыг тань харсан. Жаахан бухимдаад байх шиг санагдсан…

-Би төр гэдэг үгэнд их хүндэтгэлтэй ханддаг юм. Төр гэдэг өөрөө хоосон чанар. “Ээ, төрийн сүлд минь өршөө” гэж уулга алддаг өвгөдийн өвөр дээр өссөн болохоор би төр гэдэг үгэнд маш их хайртай. Өнөө цагт төрийн сайн, муу байгаа нь төрийн түшээдээс шалтгаалдаг. Тиймээс ойрд төрийн түшээдэд жаахан гомдонгуй байгаа даа. Тэд сонгосон санаанд минь хүрсэнгүй, итгэсний дайтай байсангүй. Ард түмнийг ийм байлгана гэж санасангүй.

-Төр бол хоосон чанартай гэж хэллээ. Төрийн түшээ гэгдэж байгаа далан зургаан нөхөр чинь бодит хүмүүс. Та гэхэд хэнийг Их хурлын гишүүнээр сонгов?

-Манайх гэр бүлээрээ сонгуульд санал өгөөгүй. Ирэх сонгуульд ч санал өгөхгүй. Би эрхээ эдлэх ёстой.

-Тэгэхээр иргэн таны төлөөлөл Монголын төрд байхгүй гэсэн үг үү?

-Эд нар Монголын ард түмний төлөөлөл юм чинь миний ч төлөөлөл яах аргагүй мөн л дөө. Төрд гарч ирж байгаа улсыг худлаа яриад байхаар л гомдоод байх юм. Гудамж талбайгүй хашгичаад шал худлаа зан гаргаад байхаар санал өгөхөөс ч дур гутах юм байна шүү дээ. Би сонгуулиа өгөөгүй байлаа гэхэд эд нар гарахгүй гэсэн хууль байхгүй. Тэгэхээр саналаа өгсөн ч, өгөөгүй ч ялгаагүй. Над шиг настай хүн үр хүүхэдтэйгээ амар жимэр байж байгаад үхэлтэй уулзах юмсан гэж боддог боллоо. -Та уран бүтээлээрээ омог бадрангуй, өөдрөг гэгээн, бас ч шазруун омголон хүн. Анзаараад байхад та жаахан гундуухан байх шиг санагдах юм. Үхэл мөхөл ч ярьж байх шиг…

-Хамгийн ухаантай хүн өглөө болгон үхлийн тухай боддог гэдэг юм. Гэлээ гэхдээ би өнөө маргаашгүй үхье гэж дуудаад байгаа юм алга. Үхэл намайг дуудсан дуудаагүй тэртэй тэргүй ирэх болно. Үхэл ирэхэд би гомдохооргүй л амьдарч байна. Үхэл ч ер нь гомдохоор юм биш.

-Жам юм чинь гэж үү?

-Баярлууштай юм шүү дээ. Миний гутаж байгаа

юм бол хүн гэдэг амьтан хүн байж чаддаггүй юм байна. Хүн дэлхий, уул уус, мод чулуу гээд байгалийн сайхнаас ер уйддаггүй. Хүн гутранги амьдралаас уйдаж байгаа бол хүн хүнээсээ л уйддаг юм байна. Би саяхан “Хүмүүн гэгч аугаа их болж чадна. Хүн адгийн новш байж чадна. Мөрөөрөө хүн байх гэж л мэрийгээд мэрийгээд бага чадна” гэж нэг шүлэг бичсэн. Мөрөөрөө амьдрах гэдгийн утгыг нэг ойлгох юмсан. Харамсалтай нь хаа хаанаа тийм биш болчихлоо л доо. Би хормой дороосоо, хажуунаасаа амар амгаланг эрдэг, нэхдэг хүн шиг байгаа юм. Муухай юм бага сонсохсон. Чих уг нь дуу чимээний хогийн сав болохоос хов жив, новшны сав биш. Чих, нүд хоёр хог цуглуулж байхад заяасан эрхтэн биш. Элдвийн муу юм үзэж, сонсож байхад зориулагдсан эд биш болохоор чих, нүд, тархи гурваа өнөөгийн тэнэглэлээс их харамлаж байна. Харамлах ёстой ч гэж бодож байна.

-Мөрөөрөө амьдрах, жудагтай байх гэдэг монгол хүний гайхамшигтай чанарууд өдрөөс өдөрт л алга болоод байна уу даа?

-Уламжлалыг их мартаж байгаа үед жудаг, заншил хоёр гээгдэж байна. Төр ч гэсэн уламжлалгүй л явж байгаа. Уламжлалгүй, зорилгогүй төрийн доор хүн жудаг, заншил хоёроо гээх юу ч биш. Эх орноо гээчихгүй л бол барав болж.

-Зарим хүмүүс ч эх орноо бараг гээчихээд байгаа юм биш үү?

-Би ч муу юм нэг их сонсохгүй “Энэ худлаа байгаасай” л гэж сэтгэлээ цайруулж суух юм. Энэ цуурхал байх гэсэн үг л ойрын үед миний дархлаа болж байна. Дэндүү мэдрэмтгий төрсөндөө хаа хамаагүй юманд сэтгэл их зовох юм.

-Монголын зохиолчдоос герман хэлээр зохиолоо туурвидаг Чинагийн Галсан, дорнын сайхан найрагтай та хоёрын бүтээлийг л Нобелийн шагнал авна гэж мэтгэх хүн байдаг. Танай хүүхдүүд Франц зэрэг барууны орнуудад амьдарч байна. Уран бүтээлээ өрнийн олон хүн ярьдаг хэлнээ хөрвүүлж хэвлүүлээд тэр нэр хүндтэй шагналд нэр дэвшүүлж болдоггүй юм уу?

-“Саваагүй нохой саранд хуцна” гэдэг. Хүн “Би ямар дайны хүн билээ, би хэн билээ” гэдгээ эхлээд таньдаг байх хэрэгтэй. Нобелийн шагнал гэдгийг би боддог ч үгүй. Миний ном герман хэлээр гарсан. Хоёр жилийн өмнө шүлгийн томоохон түүвэр Бээжинд хятад хэлээр хэвлэгдсэн. Солонгос хэлээр бас гарсан. Солонгосууд маш их уншдаг. Хятадад олон мянган хувь хэвлэгдсэн мөртлөө дороо байхгүй болсон. Миний номыг орчуулсан хүн хятадын орчуулгын дээд шагнал хүртсэн. Энэ онд герман хэлээр гарлаа. Японд хайку шүлгүүд маань зөндөө гарсан. Гадаадын улс орны хэлнээ бүтээл минь гарсаар байгаа. Анх Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлд МУИС-ийн багш Гомбосүрэнгийн орчуулгаар миний хоёр гурван шүлэг хэвлэгдсэн. Бага залуу насандаа сонссон миний хамгийн том баяр тэр байлаа. Одоо бол миний нас шагналаас илүү үхэл бодож байх нас. Би шагналынхаа тэмдгүүдийг тэгтлээ их зүүдэг ч үгүй. Би шагнал авчихаад “Төр намайг үнслээ” гэж хэлдэг байсан. Үнссэнийх нь төлөө би төрдөө баярладаг. Гэлээ гэхдээ тэмдгээ гялалзуулаад зүүгээд гүйгээд байх сонирхол надад байдаггүй. Тэмдэг байтугай зангиа ховорхон зүүдэг хүн шүү дээ, би. Тиймээс тэр том Нобелийн шагналыг надтай хамаатуулж ойлгох хэрэггүй. Тэр Ч.Галсан, Д.Урианхай эд нар л авах учиртай уран бүтээлчид. Би энэ тухай мөрөөддөг ч үгүй. Миний хүлээж байгаа шагнал минь юу байна гэвэл үр хүүхэд маань нүдэнд маань харагдаад амар амгалан байж байвал, ач зээ нар маань сургууль соёлын босго даваад, ойр орчмын хүмүүс эрүүл энх, элдвийн ёс бусын юманд өртчихгүй байвал хамгийн том шагнал минь юм даа.

-Та тайван амгалан байх л хамгаас том шагнал гэлээ. Таны “Энх тайван, амар амгалан, эв найрамдал гэдэг оршуулгын газарт л хэрэгждэг” гэсэн афоризмтой зөрчилдөөд байх шиг санагдах юм. Ер нь хүн төрөлхтөн ийм эв найрамдалгүй байх заяатай юм уу, эсвэл монголчууд л эв түнжин муутай үндэстэн юм уу?

-Эвдрэлийн шалтаг заавал хоёр юмны дундаас үүсдэг. Юм хоёр биш нэг байвал эвдрэлийн шалтаг огт байхгүй байх болно. Худал, үнэн гэж саармагжуулаад биднийг их үймүүлж байх шиг байна. Хүн болгон өөртөө үнэн. Төр-үнэн, ард түмэн-үнэн хоёрын хоорондох үнэний зай холдоод байна. Хүн бол сүүдэртэй, дэлхийн чулуу болгон сүүдэртэй. Алдахгүй юм гэж орчлонд яаж байхав. Алдаа их олон болбол айхавтар. Мэдээлэл эрхэлж байгаа сэтгүүлчид та нар ямагт үнэний эрэлчид байх ёстой. Сэтгүүлчид бол тохиолдлын олзоор юм уу, аливаа сонирхолтой юмаар гэдсээ цатгадаг улс биш, гэрэл гэгээгээр хооллодог үнэний эрэлчин гэж би хэчнээн олон хэлдэг гээч.

-Лхагвасүрэн ах аа, та бид хоёр улаан нүүрээ харж урд урдаасаа хараад ярилцаж суугаа мөртлөө нэг л хөндийхөн нэгнээ хянасан цэнэсэн мэт байдалтай харилцаад байх шиг. Танд нэг л гоморхол байгаад байна даа?

-Насны бөгсөнд тэтгэвэрт гарлаа. Эх орондоо нэмэргүй нэг муу өвгөн үр хүүхдийнхээ гарыг хараад яахав гээд “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэг хийж байгаа улстай хамтран зөвлөх редактороор ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Монголын ард түмэн үзээд байдаг сайхан нэвтрүүлэг дээ. Тэгсэн танай сонинд “Монголын сэтгүүл зүйг гутаасан этгээд” гэж хэрэгт орсон. Би бичсэн хүнийг багцаалдаж байна. Би сонинд нь гомдохгүй байгаа. Сонин бол юуг ч үмхэж, зажилж, залгиж байдаг том амтай амьтан. Би залуу зандан насандаа “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж л байсан. Би өөрөө буруу юм хийгээгүй байж ингэж хэлүүлсэндээ гомдож байгаа юм. Өдий насандаа учраа олоогүй хүүхдээр гоочлуулаад суумааргүй санагдаж байна. Энэ цаагуураа муухай хагсуургатай юм даа. Үхэхийнх нь өмнө гомдоож үхүүлье гэсэн бодлого явуулахгүй л байх. Харин үхсэний минь дараа авсанд минь амар байлгахгүй гэсэн бодлого юм болов уу даа гэж холын юм бодож сууна.

-“Монгол хүн хэчнээн их зовж гунилаа ч уудаг аягандаа нулимс дусаадаггүй” гэж та их сайхан хэлсэн байдаг даа?

-Тийм болохоор л би хамт байдаг, өрөвдөж явдаг хүүхдүүд дээрээ шүлсээ хаяж, тэд нарыг зүхмээргүй байна. Намайг хайрлаагүйнх нь төлөө, хүн хайрладаггүй хүн болж өсч байгаагийнх нь төлөө би хайрлаад байна. Би Монгол Улсад гэм тарьснаа ер мэдэхгүй юм. Би архи уудаггүй, айлаар ордоггүй, тэнээд явчихдаггүй, амиа л дөнгөж борлуулж явдаг амьтан шүү дээ. Би Монголын утга зохиолын хаяаг тавиад жил дэрлэж, уран бүтээлээ хийж, арваад настайгаасаа ажил төрөлд орон гаран амьдарч ирсэн хүн. Би ажлаас зөндөө халагдаж л байсан. Хэнд ч хорсож занаж явсангүй. Мөрөөрөө өтөлчихөөд уран бүтээл хийж явахад минь ингэж зүхээд яах нь вэ дээ. Хүнийг өөдлүүлэх юмаа байг гэхэд гутаах юмаа хийж чаддаг болчихоод хүн рүү нулимж сураасай гэж ойрын үед их гутранги байна даа.

-Та зурагтаар хөөрөлдөхдөө “Чойном бол сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлээд багагүй зэм хүртэх шиг болов уу?

-Би хэний ч тухай ил, далд “Тэр сайн найрагч, тэр муу найрагч” гэж хэлж явдаггүй. Чойномын тухай сэтгүүлч асуухаар нь “Найрагч мөн, сэтгэлгээний яруу найрагч биш” гэж хэлсэн. Гарцаагүй үнэнийг хэлж байгаа юм. Америкт амьдарч байгаа Хулганайн Тэргэл гэдэг яруу найрагч бий. Би Монголын зохиолчдын хорооны дарга байхдаа сонгож Утга зохиолын ангид оруулсан авьяаслаг арван гурван хүүхдийн л нэг байгаа юм. Х.Тэргэл фейсбүүк дээрээ “Г.Аюурзана, Б.Лхагвасүрэн хоёр Р.Чойном, О.Дашбалбар хоёрын дэргэд юу ч биш” гэж бичсэн байна лээ. Г.Аюурзана бид хоёр хамтдаа хэрэгтэн болж байгаа юм шиг байна.

-Олон нийтийн сүлжээнд таны овог нэр бүхий цахим хаяг байна лээ. Та өөрөө хөтөлдөг юм уу?

-Би цахимд ерөөсөө ордоггүй. Утсаараа мессеж ч бичиж чадахгүй. Нэг хүн л миний өмнөөс уран бүтээлийг минь туж л хийгээд байх юм. Миний хүүхдүүд ч шүлгийг минь цахимд хийдэггүй.

-Би таныг нарийн бичгийн даргаараа л цахим хаягаа хөтлүүлдэг юм байна гэж ойлгоод байсан юм…

-Надад юуных нь нарийн бичгийн дарга байхав. Надад хоол унд, амь амьдралын минь нарийн бичиг гэргий Баасан маань л байна.

-“Паанан”, “Соёо” туужийг бичсэн зохиолч Доржзовдын Энхболд, “Их хөлгөн туульс” бүтээлээрээ алдаршсан зураач Ш.Тэнгисболд нарын оюун санааны эцэг нь таныг байсан гэх юм билээ?

-Залуу зандан насанд минь сүүдэр шиг л дагадаг байсан хүүхдүүд. Сайхан өсөж өндийцгөөсөн. Шүнгийн Болд (Тэнгисболд)-доо, Доржзовдын Энхболд, Шагдарсүрэнгийн Гүрбазар, Цэндийн Чимэддорж, дуучин Намдагийн Төмөрхуяг нарын намайг дагадаг байсан муусайн дүү нарынхаа алдаанд нь ч хайртай. Хэрвээ сүнс гэж юм байдаг бол би үхсэн хойноо ч хар нялхаас нь мэдэх энэ дүү нараа хайрлана. Дуучин Төмөрхуяг Хан Хэнтийгээсээ дөнгөж ирээд манай хашаанд бууж байсан. Хөгжмийн зохиолч Ц.Чинзоригтойгоо уран бүтээлээ хийгээд туж л хамт байсан.

-Чинжиг та хоёр “Үүлэн цэнхэр хангай” дуу анхлан хийснээс хойш олон ч уран бүтээл дээр хамтран ажилласан даа?

-“Зүүдний говь”, “Хожуу хайрын дуу”, “Эх орондоо дуулах бүүвэйн дуу” гээд маш олон уран бүтээл хамтарч хийсэн. Бид хоёрын “Илдэн уулын цуурай” хэмээх хөгжмийн томоохон бүтээл Монголоос анх удаа ЮНЕСКО-гийн алтан санд орсон. Би хэзээ ч хар багын найз, уран бүтээлийн нөхөд, сайхан дүү нараасаа урваж хөрвөж байгаагүй. Бүгд мэднэ дээ. Жагдалын Лхагваа, Дарма Батбаяр, Урианхай, Лувсандамбын Дашням бид хар залуугаасаа 1968 оноос эхэлж үерхсэн. Биднийг “гарын таван хуруу” гэдэг, шинэ цагийн хэлээр гэр бүлийн найзууд байсан даа. Насны эрхээр найзуудтайгаа ч ховорхон уулзах болж.

>>Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Ломбын Нямаа: Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу
найрагч Ломбын Нямаатай уулзаж хөөрөлдлөө. Монголын утга зохиолд Хан Хэнтийн
яруу найргийн дэг сургуулийг бий болгосон эл эрхэм эдүгээ “Их засаг” их
сургуульд багшилж байгаа нэгэн билээ.

-Уран бүтээлч хүнээс сүүлийн
үед юу хийж байна гэх ч бараг л илүүц асуулт даа…

-Би нэг зохиолын судлалаар
нэлээд юм хийдгийг чи юу эс андах вэ. Д.Батбаярын “Мементог бүтээхүй”, “Цахилж
яваа гөрөөс” тууж, Д.Пүрэвдоржийн “Чингис” шүлэг, До.Цэнджавын “Хөх жавар”
тууж, Жаргалын Барамсайн “Үхэр гэдэг амьтан” зэрэг бүтээлийг судалж ном болгон
өлгийдөхөд бэлэн болгосон. Барамсайн тэр өгүүллэг гэхэд зохиогчоо хэлмэгдүүлж
байсан бүтээл. Нобелийн шагналт зохиолч, аугаа их М.Шолоховт нэг найзаараа шууд
орчуулуулан сонсгоход тэр их зохиолч гурвантаа “молодец хорощо” гэж үнэлсэн
түүхтэй зохиол. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол”
дууль, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэг хоёрыг уншин
судалж байна. Монгол хүний үхэл, монгол амьтны үхэл хоёрыг нэг ёсондоо
харьцуулж байгаа хэрэг. Монгол хүн насны эцэст найзуудаа цуглуулж суугаад,
сэтгэлийн үгээ хөөрөлдөн, дуугаа дуулаад буцдаг. Өрнийнхөн бол юм хурааж
цуглуулсан ч хэнд ч өгөхгүй хав дарж байгаад үхдэг шүү дээ. Тэгэхэд монгол хүн
насны наран буцахын цагт хурааж хуримтлуулсан бүхнээ үр хүүхэд, ойр дотныхон,
найз нөхдөдөө үлдээгээд явж байдаг. Монгол тэх гэхэд уулын оргил өөд мацсаар
өндөр дээр гаруут эх нутгаа нэг сайхан халиагаад эврээ даалгүй нисдэг. Бусад
газрын янгир тэгдэггүй л байгаа юм даа. Явуухулан гуай С.Эрдэнэ гуайд “Би ийм
дууль биччихлээ. Чи бас гайхалтай өгүүллэг бичсэн. Хангалттай. Одоо гарч хоёул
архи ууя” гэсэн гэж байгаа.

-Аливаа амьтан болоод хүний
үхэлд хүртэл төрсөн нутаг нь нөлөөтэй гэж хэлэх гээд байна уу, та?

-Эртний их далайн үлдэц болоод
ч тэгдэг юм уу, монгол нутаг татах хүч сайтай юм. Тангадын Галсан ахыг гадаадын
амьтны хүрээлэнд явж байхад монгол чоно торныхоо цаана дагаж гүйгээд байсан гэж
байгаа ш дээ.

-Зохиолч Л.Одончимэдийг
Чикагогийн амьтны хүрээлэнд явж байхад монгол тэмээ мэлмэртэл буйлаад, үнэрлээд
дагаад, зохиолч Ж.Мягмарсүрэнг японы амьтны хүрээлэнгээр явж байхад Ерөнхийлөгч
Н.Баганбандийн бэлэглэсэн тарвагууд бүтэн жил толгой өндийлгөхгүй байснаа
цагаан малгайгаараа даллуут гозойтол босож ирээд хошгироход тайлбарлагч нь
гайхсан гэж бичсэн байдаг юм?

-Амьтан хүртэл өөрийнхөө төрөлх
чанарыг мартахгүй байна даа. Мягмарсүрэн ч амьтны талаар аюултай сайхан бичнэ ш
дээ. “Барын зулзага бамбар”, “Унагаа зуусан хулан” гэдэг номууд чинь Стив
Томпсоноос ч илүү санагддаг юм ш дээ.

-Та Хэнтийн Дадалын буриад
мөртлөө ямар ч халх аялгаар янзтай цэвэр ярих юм аа?

-Манай басхан Бүдханд яг
буриадаараа ярьж байгаа биз. МУИС-ийн монгол хэлний ангид анх элсэн орохдоо би
буриадаар ярьдаг хүүхэд байлаа. Манай сургуулийн түүхийн багш Чимэдцэрэн гэж
буриад авгай “Монголын их сургуульд сурч байгаа юм бол чи монголоор л ярь”
гэснээс хойш халх аялгаар ярьж сурсан.

-Та нэг зохиолын судлал хийж
байгаа гэлээ. Тухайн үедээ анзаарч ойлгоогүй ч юм уу, задлал хийх яруу найргийн
бүтээлүүд байж л байгаа даа?

-Ардын уран зохиолч
Т.Галсангийн төрийн шагналт Ч.Ойдов зохиолчид зориулсан

“Ард олноосоо тасарсан бол

Алтан өлгийд булаарай

Далай олонтойгоо явсан бол

Далан давхарт оршуулаарай” гэдэг
чинь зүгээр ч нэг гашуудлын шүлэг биш юм. Энэ шүлгийн ертөнцийн мөн чанарыг
өгүүлсэн далд чанарыг нээнэ гэж бодож байна. Тангадын Галсангийн “Монгол
Жангар” бол арван төрийн шагнал ч багадах аугаа сонгодог бүтээл юм шүү. Жамцын
Бадраа багшийн “Жаргаах зүрхэн” гэхэд их учиртай дуу.

“Хүдэн татсан сарьдаг байна аа
хө

Хүний нутгийн хангай юу даа хө

Ээ, Хүслэн татсан амраг тэр
минь хө

Ээ, Хүрэн зүрхний уяа юу даа
хө”
гэдэг дээ. Хөвсгөлийн цаад талын баялаг ихтэй уул нуруудыг Орост
таслаад өгчихсөнд харамсан гашуудсан дуу шүү дээ. Тэрнээс зүгээр ч нэг амрагийн
дуу биш. Тангадын Галсангийн “Хилийн овооны нууц” гэж мундаг найраглал “Улирал
ба зохиолч” сэтгүүлд хэвлэгдсэн. Тэр бол үнэн сайн бүтээл болсон байна лээ.

-Таныг саяхан нэг ном гаргалаа
гэж цахимаар шуугиад байсан. Ямар ном билээ?

-Зохиолч Гүн Аюурзана дүү
“Миний амьдардаг ертөнц” шүлгийг минь “Монголын сонгомол яруу найраг” антологид
оруулсан байдаг юм. Энэ шүлгээрээ нэрлэсэн зургаан бүлэгт номоо сая хэвлүүллээ.
“Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номыг маань чи мэднэ. Эрдэмтэн зохиолч
Ч.Лодойдамба, Ц.Дамдинсүрэн, билгүүн номч Бямбын Ринчен, төрийн хошой шагналт
Д.Намдаг, ардын жүжигчин Л.Мөрдорж, Ш.Гаадамба, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндорж,
ардын билиг зүйч Жамцын Бадраа, яруу найрагч Нямбуугийн Нямдорж, билэг танхай
найрагч Ринчиний Чойном, яруу найрагч Ламжавын Лувсандорж, Данзангийн Нямсүрэн
нартай уулзаж учирч, хөөрөлдөж явснаа нэгэн бүлэг болгон орууллаа. “Дуусаагүй
хөрөг”, ярилцлагууд, нэг зохиолын судлал, миний эгэл бор шүлгүүд эл номонд минь
багтсан даа.

-“Миний амьдардаг ертөнц”
шүлгээ нэг дуудаач!

“Миний амьдардаг ертөнцөд
тэнгэрт нь од түгдэггүй

Миний амьдардаг ертөнцөд
ганцхан өнгийн, улаан цэцэг ургадаг

Миний амьдардаг ертөнцөд ус нь
уруугаа биш өөдөө урсдаг

Миний амьдардаг ертөнцөд шувууд
нь мөлхөж явдаг

Миний амьдардаг ертөнцөд хүмүүс
нь үхэж жаргадаг”
гэсэн л шүлэг байгаа юм.

-Жаахан гунигтайдуу л шүлэг юм
даа?

-Дэлхийн утга зохиолыг анзаарч
байхад харамсал эмгэнэлийн бүтээлүүд л цагийн шалгуур дааж үлдсэн байдаг юм
даа. Монголын их зохиолч Ванчинбалын Инжинааш ч гэсэн “Ертөнцийн арван хүний ес
нь зовлон шаналантай” гэсэн байдаг нь бас л бодууштай үг юм шүү.

-Яруу найрагч Д.Урианхай гуай
“Нэг л хүүхэд траншейнд амьдарч байхад би энэ харгис төрөөс ганц ч шагнал
горьдохгүй” гэж тангарагласан гэдэг. Одоогийн төр засгаа та юу гэж бодож явдаг
бол?

-Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч
Пак Ин Ха номондоо “Дүү маань гудамжны үзүүрт нэг хүүхэд байна гэхээр нь
авчруулан ирээдүйд нь санаа тавилаа” гэсэн байна лээ. Монголын төр тэгэхэд үр
хүүхдүүдийн ирээдүйг бодохгүй байгаа. Төрд тийм хүнлэг, ухаантай хүн гарч
ирэхгүй байгаа нь тун харамсалтай. Хүүхдийг гудамжинд гаргадаг, ард түмнээ
цагаан ууттай зовлон үүрүүлээд тарчлаадаг төр гэж байж болохгүй. Достоевский
“Хүүхэд зовоодог төрийг ардчилсан төр гэхгүй” гэж хэлсэн. Урианхай найрагчийн
эх оронч сэтгэл, мөс чанарын том илэрхийлэл юм шүү. Хүүхэд зовоосон нийгэм
хэзээ ч хөгжихгүй. Куба гэж коммунист дэглэмтэй орон л гээд байдаг. “Нэг хүүхдийн
шүд хорхойтоход Фидель Кастрогийн ширээн дээрх цаас чичрэн хөдөлдөг” гэж Монгол
Улсаас анх удаа Гаванагийн их сургууль төгссөн Чулуун гэж миний анд мундаг
дипломатч хэлсэн. Тэгэхэд өнөөдөр Элбэгдоржийн ч юм уу, Сайханбилэгийн ширээн
дээрх цаас хөдлөх үү. Хүүхдийн гэгээн сэтгэлийг ингэж будантуулж болмооргүй л
санагддаг юм.

-Та хэдэн жил багшилж байна?

-МУИС-ийг төгссөнөөс хойш дөчин
зургаан жил ардын хүүхдүүдэд багшиллаа.

-Энэ олон жилд хүүхдийн авьяас
чадварыг тан шиг таньж, Монголын утга зохиолын ертөнцөд өөрийн гэсэн яруу
найргийн дэг сургуулийг бий болгосон хүн ховорхон. Миний мэдэхээр модернист
яруу найрагч Баатарын Галсансүх л лав таны гарын шавь мөн байх аа?

-Мянга есөн зуун далаад оноос
сургуулийн захирал энэ тэр хийгээд явчихсан хүн л дээ, би. Монголын бүх
хүүхдийг цоорсон эрдэм боловсролтой болгоно гэдэг хэцүү л дээ. Оюун ухааны
далайгаас хутгах савны хэмжээ нь янз бүр. Том шанагатай хүүхэд байна. Жижиг
шанагатай хүүхэд байгаа. Бүгдийг нь эрдэмтэн болгочихно гэвэл үлгэр. Хүн гэдэг
амьтан өөрийнхөө үйл үрээр бүрэлдэн бий болдог ертөнц. Америкийн эрдэмтэн
Гилфорд “Авьяастай хүүхдийг хөгжүүлэх онол”-ыг бий болгосон юм. Хэнтий аймгийн
Өндөрхаан сумын хоёрдугаар сургууль буюу одоогийн “Тэмүжин” цогцолборын бага
ангийн хичээлийн эрхлэгч байхдаа ангиудаар явж авьяастай хүүхэд хайлаа.
Математикийн багш Товуудоржийн удирдсан дөрвийн А ангид ороод “Та нар ямар ном
уншив” гэсэн чинь тээр ард сууж байгаа гозгор цагаан хүү “Зүрхний хилэн” уншсан
гэж байна. “Юу гарч байна” гэсэн чинь маш мэдрэмжтэй ярьж байх юм. Тэгж
Галсансүхийг олж авсан юм. Жаахан ээрүү, хэлгий хүүхэд байсан.

-Бага ангийн багш Данзангийн
Нямсүрэн шавь Дашбалбарынхаа хэлийг засах гэж чулуу хүлхүүлсэн гэдэг шиг юм
ярих гээд байна уу?

-Дэндэвийн Пүрэвдорж гуайн
“Бурхад ба хүмүүс” шүлэглэсэн романыг дөрөв дөрвөн мөрөөр нь хувааж өгч
цээжлүүлсэн. Тэр сайхан найргийг чангаар уншаад байхаар чинь хэлний гажиг дороо
арилдаг байхгүй юу.

-Галсансүх чинь одоо жигтэйхэн
хэлэмгий хурдан ярьдаг хүн ш дээ?

-Өөрөө эртээд зурагтаар энэ
тухай ярьж байна гэнэ лээ. Хоёр жилийн дотор л хэл нь сайжирсан. Өдөрт таван
шүлэг заавал ч үгүй бичүүлнэ. Ингээд долоо, наймдугаар ангиасаа л надаас
тасраад явчихсан. Гилфорд гуайн онолд “Авьяастай хүүхэдтэй өдөр бүр ажиллах,
багш хүн шавьдаа үлгэрлэхүйц номын сантай байх, шавийнхаа аав ээжтэй зохис
төгөлдөр харьцаж ойлголцох, сайн ном уншуулах” гэсэн зүйлс байдаг юм. Үүнээс
хойш яруу найрагч Гансүрэн, Занданхүү, Наранчимэг, Сонинбаяр нарын авьяастай
хүүхдүүд яг л ийм замналаар хүмүүжсэн. Галсансүхийг аравдугаар ангиа төгсөхөд
хэлэх үггүй болоод Нямбуугийн Нямдоржид хүлээлгэн өгсөн дөө. Галсансүх орос
хэлийг гэхэд үгээр нь биш сэтгэхүйгээр нь сурсан оюуны чадамж өндөртэй хүүхэд
байгаа юм.

-Та Нямбуугийн Нямдоржийг нэг
багш гээд, нэг нөхөр гээд яриад байх юм. Үе тэнгийн хоёр уу?

-Бид хоёр Хэнтийд хөдөөгийн
сургуульд багшийн ажил нэгтэй явсан үе бий. Ер нь л үе тэнгийн адил сайхан
нөхөрлөж явсан даа. Тэр бүхнээ би номондоо тодорхой бичсэн.

-Мишигийн Цэдэндорж гуай бол
яах аргагүй таны багш даа?

-Би 1965 оны аравдугаар сарын
10-ны өдөр шүлгийн нэг уралдаанд түрүүлсэн юм. Тэгэхэд Цэдэндорж багш намайг
ихэд тоож, гарын үсгээ номондоо бичиж, гэрээ зааж өгсөн. Тэгж багш шавь
барилдсаны тавин жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тиймээс би “Миний
амьдардаг ертөнц” номынхоо хуримыг энэ сарын 10-ны өдөр ташруулан Хүүхдийн
номын ордонд хийхээр товлосон доо.

Categories
мэдээ цаг-үе

Шагдарын ДУЛМАА: Би цэцэг, нар хоёрын дунд хүн болсон яруу найрагч

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаагийн гучаад жилийн тэртээ бичсэн “Алтан зул” дууны хөшөө Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны өмнөх Эх үрсийн цогцолборт өчигдөр сүндэрлэлээ.

“Навчинд тунасан шүүдрээр

Ганган цэцэг нь дэлгэрдэг

Нарны тансаг гэрлээр

Галбирхан бие нь төлждөг

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө

Хөндөж битгий тасдаарай” гэсэн утгын яруу үгтэй, ухаарлын гэгээн хэмнэлтэй энэ дууг хүн бүхэн мэдэх байх. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Болоож аялгууг нь зохиосон “Алтан зул” дууны шүлгийг дэлгээтэй номын хуудасны хэлбэрээр цагаан гантиг чулуун дээр сийлбэрлэжээ. Ш.Дулмаа найрагч Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг бөгөөд бүтээлийг нь хөшөөнд мөнхлөх хүсэлтийг хүлээж авснаар нэгэн сайхан дурсгал түмний мэлмийг мялаах болж байгаа юм. Хөшөөний нээлтэд “Өргөө” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирцгээн хүндэтгэл үзүүлж, гавьяат жүжигчин С.Бархас “Алтан зул” дууг дуулсан. Энэ үеэр яруу найрагч Шагдарын Дулмаатай уулзаж хөөрөлдлөө.

-Та Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан дуутай найрагч. Хөшөөнд мөнхөрсөн нь хэдэн дуу байна?

-“Алтан зул” дуунд минь анх удаа хөшөө босгосон бэлгэ дэмбэрэлтэй явдал болж байна. Миний зохиосон олон дуу гуч дөчин жил дуулагдсаар байгаа. “Амьдрал хайр дээр тогтдог”, “Дандаа чамайгаа хайрлаж явъя”, “Хар нүдэн бүсгүй” гээд ард түмний дунд дуулагддаг дуунууд бий. Энэ бүхэн хүмүүсийн зүрхэнд хүрсэнд л баяртай байдаг. Дуу болгон хөшөө болж чаддаггүй. Тиймээс би маш их баяртай байна. Би байхгүй болсон ч энэ дуун хөшөө үлдэх болно. Ард түмэн үгийг нь цээжлээд дуулж л байх болно. Хүний уран бүтээл мөнхөд үлддэг. Жамцын Бадраа гуай, Намсрайжав гуай байхгүй байхад дууных нь хөшөө байж л байна. Орчлонд дуу мөнхөрнө гэдэг их хувь ерөөлтэй зүйл. Аж төрдөг хороо хориноос минь санаачлаад дууны минь хөшөөг босгож өгсөнд баярлалаа. Олон уран бүтээлчийн гайхамшигтай дуунууд газар газарт хөшөө болон сүндэрлээсэй, ард түмний зүрхэнд ойр байж мөнхөрч байвал сайхан юм.

-“Алтан зул” дуу төрсөн түүхээс хуваалцаач!

-Наад дуу чинь наян онд л анх гарсан дуу. Алтан зул хэмээх цэцгийн нэг үр тасран газарт унахдаа заавал ч үгүй дахин соёолж ургадаг онцлогтой. Тийм учраас Монголын ард түмнийг мөнхөд оршихын бэлгэдэл болгож үр удам нь улам өнөржин олшрог гэж энэ дууг хийсэн юм. Гучин таван жил дуулагдсан ч залуучууд өнөө ч дуулаад бүжиглээд байх юм. Цэнгүүний газар их л дуулагддаг юм билээ. Өнө мөнх оршихуйн бэлгэдлээс гадна байгаль хамгаалахад чиглэсэн дуу. “Хүн та өөрөө хөндөж битгий тасдаарай” гээд байгаа биз. Мөнх оршдог үндэс, ишийг газраас нь битгий тасдаарай гэсэн санаатай.

-Та алтан зул цэцгийг багадаа түүж үзсэн үү?

-Түүж барьж үзээгүй ээ. Харин харж л байлаа. Би алтан зул цэцгэн хээтэй дээлээр гоёх дуртай. Алтан зул цэцэг миний бэлгэдэл байгаа юм.

-Бямбын Ринчен “Бэр цэцэг”-ийг, Бэгзийн Явуухулан “Үхэшгүй мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцэг”-ийг, та “Алтан зул”-ыг өөрсдийн шүтээнээ болгосон уран бүтээлчид юм аа даа?

-Ямар цэцгийг шүтэх нь хамаагүй мөнхөд үр нь цэцэглэдэг тийм л бэлгэшээл байгаад байдаг юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Дурсамжаа бичээд, гүйцэгдэхгүй их ажилтай зүйл юм. Ер нь барж хийхгүй ажил шиг байна. Яруу найрагч Р.Чойномоос надад шоронгоос бичиж байсан захидлуудыг гар бичмэлтэй нь ном болгож хэвлүүлсэн. Өв, үнэний тэнгэр гэж хэзээд байх л хэрэгтэй. Чойномын тэр захидлуудад амьдралын үнэн, зовсон үеийн нөхдөдөө хандах хандлага, уран бүтээлчийн гал халуун сэтгэл, утга уянгын халгиа цалгиа гээд хүн тунгааж унших зүйл маш их бий.

-Хүн бүхэнд хүүхэд нас шиг нь сайхан зүйл байдаггүй болов уу?

-Миний хүүхэд нас хөдөөд л цэцэг, нар хоёрын дунд өссөн дөө. Байгалийн тэр сайхан ахуйд аав ээжээс заяасан алд биеийг минь дээрээс нарны эрчис ивээж, газрын цэцгийн шим тэтгэж намайг найрагч болгосон доо. Хургаа эргүүлнэ, тугалаа хариулна, үхрээ хураана, тэр бүхэнд л цэцэг нар хоёртой үргэлж хамт байна. Морь унасан ч, явган явсан ч цэцэг, нар хоёртойгоо л өссөн. Нарны амиар ургасан тэр олон цэцгээс би хүн байхын утга, уянгын өнгөө, сэтгэлийн сайхныг олж авсан болов уу гэж боддог. Миний Авдарбаян нутаг сүрлэг хөглөгөр ой модгүй тийм л газар. “Таанын цагаан цэцэгнээс өөр тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь” гэж Бавуугийн Лхагвасүрэн бичсэн. Манай хоёрын нутаг зэргэлдээ юм чинь бас л ялгаагүй нүцгэн тал. Тэгсэн мөртлөө дэлгэрэхийн цагтаа төрөл бүрийн цэцэг ургадаг. Бяцхан жаахан горхи нь түмэн янзаар хөгжимдөн урсдаг ийм л сайхан нутаг. Тэр бяцхан горхийг хөвөөлдөн айлууд бөмбийн цайрна. Тэр айл бүхэнд амьдрал буцална. Би тийм л сайхан амьд байгальд хүн болсон яруу найрагч.

-Та өссөн төрөлх нутгаасаа нар, цэцгийн ариун цагаан эрчис, эрчим авч хүн-хөгжим болсон уран бүтээлч юм байна. Харин өнөөгийн нийгэмд хүүхэд залууст маань сэтгэлийн уянга, хүн чанар, хүн байхын мөн чанар дутаад байх шиг санагдах юм?

-Би Утга зохиолын дээд сургуульд багшилж, зургаан зуу гаруй шавь төрүүлсэн хүн. Анзаарч байхад хотын хүүхэд шүлэг бичиж чаддаггүй, хөдөөгийн хүүхэд л уянгатай сайхан шүлэг бичээд байдаг юм. Тэрийг би их гайхдаг. Байгалийн их хишиг буян хүний сэтгэлд уянгын их сэрэл мэдрэмжийг хайрладаг юм байна гэж боддог. Хүн чинь байгалийн бүтээл. Байгалийнхаа тэр сайханд л хүн уянгаа олж, ухаанаа тэлдэг юм байна. “Хоцрогдсон хөдөө” гэж манай зарим хүмүүс ярвайж байхыг олонтаа харсан. Миний хувьд хөдөө шиг ариун, хүний мөс чанарыг шалгадаг тийм сайхан газар байхгүй гэж боддог. Ямар ч хүн орж ирсэн үүдээ дэлгэн, халуун хоол цайгаа барин угтдаг халуун сэтгэлтэн хөдөөд л ганцхан бий. Хөлдөж үхэх гээд орж ирсэн эрлийн хүн халуун хоол цай ууж идээд хэчнээн их баярлах вэ. Одоо манай хотынхон ядарсан хэн нэгнийг гэртээ оруулж хооллож ундлах уу. Халуун сэтгэлээ гаргах уу. Харин ч гэртээ оруулах нь бүү хэл хөөгөөд гаргах байх. Би шавь нартаа “Яруу найраг бичихээсээ өмнө хүн шиг сэтгэлтэй хүн л байгаарай” гэж захьдаг. Муу үйл хийдэг хүнээс сайн яруу найраг хэзээ ч төрөхгүй шүү дээ. Явуухулан багш маань “Сайн яруу найраг бичиж чадахгүй бол сайн хүн байгаарай” гэж хэлдэг байсан. (Явуу багшийнхаа дуу хоолойг элэглэн дуурайв. сур)

“Чиний шүлэг бичих гэж юу байсан юм” гэж доромжлох ч хүн байлаа

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарын Дулмаатай ярилцлаа.

-Олон эрэгтэй яруу найрагчийн дунд хорь гаруй жил ганцаардаж явсан гэдэг бил үү?

-Үргэлжилсэн үгийн эмэгтэй зохиолч нэлээд байсан. Шүлэг бичдэг бүсгүй намайг уран бүтээлийн ертөнцөд орж ирэхэд байгаагүй. Хорин жил ганцаараа торойж явтал далан хоёр онд яруу найрагч С.Оюун маань орж ирсэн. Тэрнээс хойш олон сайхан яруу найрагч бүсгүй гарч ирж өнөр бүлтэй болсон доо.

-Монголын утга зохиолын ертөнцөд өнөөдөр яруу найрагч бүсгүйчүүд шөнийн одноос ч олон болсон байгаа биз?

-Эмэгтэйчүүд уран бүтээлийн орчинд их орж ирж байна. Тэр муу юм биш. Эмэгтэй хүний сэтгэл амьдралын их нарийн нандин юмыг олж хардаг. Ухаандаа, Цоодолын Хулангийн “Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ

Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ” гэдэг чинь бүсгүй хүнээс л гарах нарийн мяндсан мэдрэмж шүү дээ. Д.Сумьяа, Баярхүүгийн Ичинхорлоо, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шагдарын Лхамноржмаа, Ц.Оюундэлгэр, Ширнэнгийн Анхтуяа нарын олон эмэгтэй шүлэгч байна. Эдний шүлгийг уншаад үзвэл нарийн юм их байдаг юм. Эмэгтэй хүн шүлэг бичихэд зарим хүмүүс их дургүй байдаг юм. Намайг анх шүлэг бичиж байхад “Чиний шүлэг бичих гэж юу байдаг юм. Хүүхдээ бүүвэйлээд гэртээ сууж байвал барав” гэж байсан хүн өөрөө олигтой шүлэг бичиж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ. Хүн юу ч гэж доромжилж байсан өөрийнхөөрөө явсан хүн л хожно. Тэр үед би “Шүлэг бичээд чиг яахав, багшлах ч юм уу, эвлэлийн ажлаа хийгээд явж байя” гээд хаячихсан бол их хайран авьяасаа булшлах байж дээ гэж боддог юм. Хүн зорьсондоо хүрэхийн тулд тэмцэж амьдрах л хэрэгтэй. Би шүлэг бичихийн тулд эрэгтэйчүүдийн доромжлолыг ч их амслаа, эмэгтэйчүүдийн атаархлыг ч бишгүй хүргэж явлаа. Олон л юмыг тууллаа. Энэ бүхний эцэст найрагч хэвээрээ л үлдлээ.

-Жараад оны Чойном, Пүрэвжавын Пүрэвсүрэн нарын мундаг найрагчид таныг бүгд л халуун дотноор хайрлаж, уран бүтээлийн ганзага нийлснээ дурссан байдаг. Монгол бүсгүйчүүд их бүрэг ичимтгий байсан тэр үед олон эрийн дунд ад үзэгдэн шүлэг бичнэ гэдэг тун ч хэцүү л байсан байх даа?

-Тийм ч амар даваа байгаагүй шүү. Эрэгтэй хүн бол эр хүйстэн, эмэгтэй хүн бол эм л хүн шүү дээ. Тийм учраас олон эрийн дунд ганц эмэгтэй хүн байна гэдэг тийм ч сайхан юм биш. Гэхдээ манай уран бүтээлчид бол ямар ч нөхцөлд биднийг эргүүлж өмнө хойно орж гүйдэггүй онцлогтой. Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Цогт, Р.Чойном, сүүлийн үеийн Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нартай нэг баг болоод саалийн ферм, үнээн зэл гээд яваагүй газар байхгүй. Миний үеийнхэн уран бүтээлдээ бүхнээ зориулсан гайхамшигтай хүмүүс байсан. Хүүхэн шууханд дурлаж байсан тохиолдол байсан л байлгүй. Тэрийг нь би сайн мэдэхгүй. Уран бүтээлчийг хайрлах сэтгэлтэй, мөнхийн сайхан нөхөрлөлтэй найз нараараа би бахархдаг. Манай энэ найз нар ямар их түшигтэй гэж санана. Эд нар минь байгаагүй бол би ардын уран зохиолчийн өндөр хэргэмд хүрч өдий зэрэгтэй яваа ч уу, үгүй ч үү.

-Чойном найрагчийг гэргийгээ төрчихсөн байхад эргэхгүйгээр долоо хоногоор архидаад явчихдаг байсан л гэдэг. Зарим нь огт архи уудаггүй хүн байсан л гэх юм. Энэ олон ярианы аль нь чухам үнэн юм бэ?

-Чойном тийм архичин хүн байгаагүй. Уух идэхээ мэддэг, уусан ч согтдог хүн байгаагүй. Амслаа ч гэсэн шүлгээ гайхамшигтай бичдэг найрагч байсан. Тэр хүний толгой бол шүлэг найрагт заяасан тэргүүн гэж би дээдэлдэг.

-Монголоо муулах гэсэн өвчин орчин үед газар аваад байх шиг санагдах юм?

-Би гуч гаруй улс оронд очиж үзсэн хүн. Тэгэхэд миний ард түмэн шиг жудагтай улс хорвоод ховорхон юм билээ. Өндөр хөгжилтэй улс олон л бий байх. Хөгжилтэй байлаа гээд хүнлэг чанар нь бий юү, үгүй юү. Өндөр сайхан барилга, зөөлөн буйдантай байлаа гээд хүнээ хаячихсан бол юуных нь хөгжил байх вэ дээ. Манайхан одоо охиноо баян айлын хүүтэй суулгана гэх болцгоож. Гэрт байгаа гоёмсог мебельтэй нь охиноо суулгадаггүй, хүнтэй л нэг гэрт амьдруулдаг юм байгаа биз дээ. Баян байлаа ч сэтгэлгүй нэг хүйтэн амьтантай суулгачихвал насны арандаг биз дээ. “Мөнгөтэй л бол юуг ч бүтээнэ, хүнийг ч худалдаад авч болно” гэж байгаа хүнд л би их гомддог юм. Хүний сэтгэл дээр л амьдрал тогтдог болохоос мөнгөн дээр тогтохгүй ш дээ. Мөнгө ер нь юу юм бэ. Өнөөдөр байлаа, маргааш үрэгддэг л цаас ш дээ. Халуун сэтгэл байж байж л амьдрал сайхан болно доо.

-Таныг “амьдралаа хайр дээр тогтоож”, “Хүүгийн эцэг”-т захиа бичиж байх үед хайрын захидал их ирдэг байв уу?

-Зөндөө л ирдэг байсан. Манай Нямбуугийн Нямдорж

“Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь шархалдаг” хэмээн бичсэнчлэн тэр олон хүнийг бүгдийг нь хүлээгээд авч болохгүй биз дээ. Тиймээс “Танд баярлалаа” гэсэн хариу бичээд явуулдаг байлаа. Зарим нь гэрт оруулахгүй энэ тэр гэж хоргоох үе ч байлаа. Тэр бүхнийг аятайхан аргалаад явуулна. Бидний үед сайхан залуус ч зөндөө байсан. Одоо харин сайхан залуу тийм ч их харагдахгүй юм аа.

-Нүд унахаар залуу ердөө харагдахгүй юм уу?

-Ховор юм. Ажил төрөлдөө дарагдаад бүрсийцгээчихдэг юм уу. Эсвэл хүний залуу насны үе тэнгийнхэн тийм сайхан харагддаг байсан юм болов уу. Миний нөхөр гэхэд ийм сайхан сэхээтэн залуу байлаа. (Найрагч маань ханийнхаа жаазтай зургийг удаан ширтэн санаашрав. сурв) Тэгэхэд одооны залуус чинь яавал мөнгө олчих вэ гэж шүлсээ үсэргэсэн л хүмүүс байх юм байна.

-“Хүнийг худалдаад авчихаж ч болно” гэсэн муухай үзэл дэлгэрч гэж та хэллээ. Таны үед баячууд нь хөрөнгөөрөө зодох ч юм уу, эвгүйхэн хэлэхэд биеэ үнэлэгч маягийн хүмүүс огт байгаагүй юм уу?

-Улаанбаатарт тийм ёс бус юм их дуулддаггүй л байсан. Зарим нэг хүнийг гадаадынхантай явалддаг гэнэ л гэж сураг төдий ярих. Тийм хүн өдрийн од шиг ганц нэг.

-Яруу найргийн олон номтойг тань уншигчид сайн мэднэ. Хүүрнэл төрлөөр та уран бүтээл хэр их туурвисан билээ?

-Яруу найргийн гучаад номоо хэвлүүлсэн. Хоёр гурван кино бичсэн ч одоо хүртэл гар бичмэлээрээ хадгалагдаж л байна. Найруулагч ч хайж явсангүй. Үргэлжилсэн үгээр нэг жижиг роман, тууж, жижиг өгүүллэгүүд нэлээд бичсэн дээ.

-Хүнд аав, ээжээс илүү бурхан хаа ч байхгүй юм аа?

-Миний төрсөн аав Зана гэж монгол бичиг, түвд номонд цагааширсан мундаг хүн байсан. Өргөж авсан аав, ээж хоёр минь намайг ажил амьдрал сургасан агуу их хүмүүс байсан. Оёж шидэх бүхий л ажлыг ээжээсээ би сурсан. Аав минь ямар ч бичиг үсэггүй төрийн хар хүн байсан ч зүйр цэцэн үгээр л намайг хүн болгосон. “Аргалдаа яв” гэж аашлахын оронд “Залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлшгүй” гэхэд л араг шээзгийгээ үүрээд гарахгүй яадаг юм. Аав маань их сайхан дуулна. “Шивээ Хиагт”, “Улаан туг” эднийг бүүр сургуульд орохоосоо өмнө сурчихсан байсан. Миний ардын уран зохиолч болсон чинь аав ээж хоёрын минь надад өгсөн агуу их ухаан юм. Хүний төлөө гэсэн сэтгэл нь үргэлж бодогдоно гээч. Хүний хайр гэдэг уран сайхны соёлыг хүнд хайрладаг байх.

-Та багадаа ямар мөрөө­дөлтэй хүүхэд байв?

-Би сайхан эмэгтэй хүн болох юмсан л гэж их боддог байсан. Аавын төрсөн дүү нар гээд долоон сайхан эгч, миний өөрийн зургаан эгч их гоё хүүхнүүд байлаа. Эдэн шигээ сайхан хүн болохыг мөрөөднө. Их сургуульд орсноос хойш Цогзолмаа гуай шиг сайхан хүүхэн болохыг, Удвал гуай шиг ухаантай хүн болохыг бодно. Сүүлдээ сайхан хүн болохоос илүү сайн хүн байхын чухлыг мэдэрсэн дээ. Хөдөөнөөс анх хөх даалимбан тэрлэгтэй, монгол гуталтай хөгийн юм л ирсэн. Шинэ жилээр дотоод үйлдвэрийн туфльтэй ороход багш нарын авгай нар бололтой сайхан хүүхнүүд шоолж сүйд боллоо. Би ч ичсэндээ уйлж эгч дээрээ гүйж хүрсэн чинь “Тэд чинь хүнийг дотоод үйлдвэрийн гуталтай гэж шоолдог хэн юм бэ. Өөрсдөө гадаад үйлдвэрийн толгойтой юм уу” гэснээс хойш хүнд эрдэм мэдлэг чухал юм гэдгийг ухаарсан даа.

Categories
мэдээ цаг-үе

Тангадын ГАЛСАН: Чөтгөр шимбэн бурхны гүнгэрваанд ороод нуугдчихдаг шиг луйварчид төр засагт шургалчихжээ

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №238 (5190) дугаарт>>

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуайн хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.

-Та “Монголкино” үйлдвэрт ажиллаж байхдаа анх ямар кино зохиол бичив?

-Эрдэнэтийн тухай “Эхлэл” гэдэг баримтат кино бич гэж Донров дарга даалгавар өгч байлаа. “Инээдмийн киноны төрөл зүйл дутаад байна. Чи бич” гэсний дагуу “Мөнгөн буйл”-ыг бичиж байлаа. Р.Доржпалам хэмээх мундаг найруулагч найруулж, “Тунгалаг Тамир” киног гэрлээр зурсан Д.Баттулга зураглаачаар ажилласан юм. “Тунгалаг Тамир”-ыг хийчихсэн, дэлхийн киноны нэвтэрхий тольд Монголоос анх удаа бүтээл нь бүртгүүлсэн Равжирын Доржпалам өмнө нь “Морьтой ч болоосой” кино хийчихсэн. Доржпалам гуай чинь гаминг салам хөөсөн, Богд хаант Монгол Улсын баатар Сумъяа бэйсийн хүү шүү дээ. Сумъяа бэйсийг хэлмэгдүүлэн хөнөөсний хойно Равжир хэмээх авга ахаараа овоглосон байдаг. “Гурван До-гийн үе” гэж монгол киноны хөгжлийн оргил үед “Мөнгөн буйл” түмэн олонд хүрсэн юм даа. Монголкино үйлдвэрт арван найман жил ажиллахдаа хэдэн зуун кино мэдээний тайлбар бичин, тавь гаруй баримтат кино бүтээлцэж, “Эхлэл”, “Дэгдээхэй нас”, “Мөнгөн буйл”, “Уяа” уран сайхны киноны зохиол бичжээ. Мөн цэцэрлэг, бүх шатны сургуульд үзэх 280 диафильм бүтээж, “Монголкино” үйлдвэрийн 40 жилийн ойд зориулж “Өндөг” хэмээх Монголын анхны зурган кино гаргажээ. Кино үйлдвэрт ажиллаж байхад тэр байтугай кинонд тоглуулах гэж үзэж байлаа.

-Ямар кинонд тоглов оо?

-“Ичээнд нь” уран сайхны кино хийж байсан үе. Сумхүү найруулагч нэг өдөр өрөөнд орж ирээд “Мөн байна” гээд “Явна аа, хувцаслана аа” гэлээ. Толгой дээр гэзэг залгаад, жирийн харцын бор дээл, хүрэм өмсгөн бичгийн түшмэлийн хувцас бүрдүүлдэг юм байна. Цаанаас Дамбийжаагийн талынхан ирнэ, наанаас Ардын засгийнхан очно, урдаас нангиадууд, хойд талаас улаантан, цагаантан ирэх хэсэгт зочдыг хүлээж авдаг гагцхүү монголоороо бичиж суудаг, ганц үг дуугарахгүй мөртлөө харцаараа ярьдаг хүний дүрийг надад өглөө. Орой нь манай киноны найруулагч “Чи ч мөн золиг юм аа. Нүдээр ярихыг хангалттай сайхан гаргалаа” гэж баяр хүргээд л. Киног Кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл, Соёлын яамны уран сайхны зөвлөл баталчихсан. Тэгтэл захиалагч нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны ойд зориулсан кино байж таараад үзүүлж. Нөгөөдүүл үзээд “Кино сайхан болжээ. Улс төрийн хувьд л харин та нар сонор сэрэмжгүй байна. Аюулаас хамгаалахын кинонд төр засгийн эсэргүүн хүртэл зөв сайхан талын дүрд тоглоод байж байдаг л тусгүй байна” гэж дээ. Кино батлагдахгүй хоёр гурав хоноход л улирлын төлөвлөгөө тасарна, улирлын төлөвлөгөө тасарвал хамт олны таван зуу гаруй хүний амь, амьдралд барцад гарна. Тэгээд яахав, миний дүрстэй хэсгийг ганцхан хайчлаад хаячихаж байгаа юм. Сумхүүгийн авгай Батгэрэл гэж шударга, ил үгтэй хүүхэн “Муу эсэргүүнээс болоод киногоо тайрахад хүрлээ” гэж байсан. Бүрэн хэмжээний хийгдчихсэн киног тайрна гэдэг нь хүний таван цулыг авч хаяад улаан хоолойг нь жонгойтой нь шууд холбочихож байгаатай ялгаагүй зүйл байхгүй юу. Тэгж тайрсныг соёлтой үзэгчид сайн мэднэ, жирийн үзэгчид бол анзаарахгүй л дээ. Би ч бас хоржооноо тавихгүй хэдэн үг хэлчихнээ.

-Сумхүү гуайн гэргийд үү?

-Сумхүү чинь нөгөө сүрхий зүүнтэн Бадрахын хүү байхгүй юу. “Тэгж ярих юм бол чи эсэргүүний хүүгийн авгай, би ч жинхэнэ эсэргүүн” гээд наргиан даргиан болдог байлаа.

-Тайрсан хальсыг нь хадгалахаар аваагүй юу?

-Ямар юмных нь тийм юм байхав. Тайраад газар дээр нь шууд шатаадаг байхгүй юу. Түүхийн хуудаснаас хэчнээн сайхан хүмүүсийн амьд баримтат зураг алга болсон гэх вэ. Төмөр-Очир, Лоохууз, Цэнд нарын түүхэн хүмүүсийн зургийг түүгээд шатаадаг байлаа. Өнөөдөр түүх үнэнээрээ гарахад тэр дүрс зургууд үгүйлэгдэж л байна. Өвчин бүхэн түүхтэй, түүх бүхэн өвчтэй учраас тэр бүхнийг одоо хэн нэгэнд нөмөргөн зэмлэх аргагүй. Ер нь алдаа завхрал, намчирхлын өвчин, үзэл суртлын хэнээд Монгол минь уусаж автахгүй байх болтугай гэж залбирах учиртай.

-“Мөнгөн буйл” кинонд жүжигчин Дорлигжав гуай мөн ч наалдацтай тоглосон шүү…

-Киноны зохиолыг найруулагч Доржпалам гуайд хүлээлгэж өгөхдөө “Баянхонгороос дөрвөн хүн тоглуулбал би зохиолоо өгнө” гэж аваргад аархсан юм. Тэгсэн мань хүн духаа нэг алгадаж, хонгоо нэг алгадаж нааш цааш явж байснаа “Дөрөв нь ч юу юм, гурван хүн тоглуулъя” гээд саалийн тасгийн ингэний саальчин Должинд Баянхонгорын “Тэмүжин” хүүхдийн театрын дарга Ваахүүгийн Ганчимэг, Гочоод Дорлигжавыгаа, Хилийн цэргийн дуучин Дашзэгвийгээ саалийн фермийнхэнд эсгийнд боолгоод, хамар дээр нь ялаа суухад хамар нь мурчийгаад байдаг дүрд тоглуулсан. Намайг Жинстэд тэмээ хариулж байхад их нөмөр болж байсан ердийн хөсгийн дарга Ваахүүгийн урлагийн сургууль төгсөөд ирсэн охиныг саальчинд тоглуулж байлаа. Хүн хүний ачийг хэзээ ч ерөөсөө мартаж болохгүй. Манай Дорлигжав байгалиас заяасан хольцоо нь үгүй шижир байсан. Дорлигжавт их дээд сургууль төгссөн гэх мэт намтар байхгүй. Монголжуу биш монголоо алдаж яваа хүн дотроос монголоороо байгаа хүнийг манай урлагийнхан олж хараад, жүжгийн хүрээлэн олзолж, кино үйлдвэр жилд гурван кинонд тоглуулдаг байсан. Дорлигжав дүрийг амьдралын итгэл үнэмшлээрээ шууд аваад явчихдаг жүжигчин. Киноны хөгжмийг нь төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуай бичсэн юм. Мөрдорж гуай түүхэн киноны хөгжим, түүхэн дууг сайхан туурвидаг. “Дайсны цэргүүд сонсоцгоо” киноны дууг бод л доо. Хэчнээн гайхамшигтай билээ. Тийм сайхан түүхэн киноны дууг халгиж цалгиж бичсэн атлаа инээдмийн киноны хөгжимд цуцах шинжтэй байсан. “Мөнгөн буйл” киноны зохиолд маш олон дуу байлаа.

-“Азын тэнгэр байвал даа Гочоо минь ээ хө” гээд Дорлигжав гуай ч үзэгчдийн сэтгэлд хоногштол дуулдаг шүү?

-Дорлигжав тэр дууг чинь

“Азын тэнгэр тэтгэлээ дээ, гоогоо минь ээ хө

Ааваасаа бусдыг оллоо доо, Гочоо минь ээ хө” гээд ардын дууны аян дээр аваад явчихаж байгаа юм. Тэр хэсгийн урьд нь зориод явж байхдаа

“Нарийн ухаан байвал даа, гоогоо минь ээ хө

Нарнаас тамхиа асаана даа, Гочоо минь ээ хө” гэж дуулдаг шүү дээ. Тэр бүхэн Мөрдоржийн хөгжим биш Дорлигжав өөрөө л тэгж дүрээ тодотгон авч явж байгаа нь тэр. Хошин инээдмийн киног уран сайхны зөвлөлөөр баталж өгөхгүй байх, төрийн хошой шагналтны нэр байж байхад батална гэсэн үзэл суртлаас залхчихсан манайхны нэг муу арга байсан шиг байгаа юм. Тэрнээс биш Доржпалам найруулагч инээдмийн киноны бүх дууг бичсэн хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа ахыг авна биз дээ. Бирваа ах

“Харласан бүтэлгүй толгой би

Хаагуур явсныг мэдсэнгүй” гэсэн үгийг хүртэл аялгуугаар амилуулж шүншиглэсэн авьяастан шүү дээ. Энэ дууны үгийг сонсоод шүлгийг бичсэн Бунтар гуайг би “Ийм бүдүүлэг үгтэй дуу огт үзсэнгүй ээ. Харласан, бүтэлгүй, хохимой хаагуур доншуучилсныг чёрт не знаю” гэж тоглоом хийнэ. Хэмнэл нь үгтэйгээ яг таардаг дуу шүү дээ. Аугаа хүмүүс бол аугаа л байдаг. Уурлаад, юмаар шидэхийн оронд “Галсан гуай, та уянгын дуу болон улс төрийн дууны үгийг мэдэх юм байна. Киноны дууны үгийн онцлогийг л мэдэхгүй байна даа. Тэр баатрын тухайн үеийн сэтгэгдлийг аялгуутай хэлэхийг киноны дуу гэдэг юм шүү дээ” гэж аман дээр атны тавхай тавьж байлаа. Кино үйлдвэрийн бүх уран бүтээлчид мэргэжилдээ өнөөдрийнхөөр жинхэнэ академичид байжээ.

-Санжийн Пүрэв гуайн зохиол “Загийн алим” кинонд та ёстой яруухан дуу бичсэн дээ?

-Манай Жигжидсүрэн чинь “Анхны алхам”-аасаа хойш киноны инжеан болчихсон үедээ хийсэн кино нь. “Загийн алим” батлагдсан ч дуу нь гологдож. Манай хянагчид үзэл суртал харахаас гадна урлагийн амин сүнсийг мэдэрдэг мундаг байсан байгаа юм шүү. Монгол баатрын хувцсан дээр гамингийн нэг муу хантааз өмссөнтэй ялгаагүй юм болохгүй юу. Найруулагч нь хөгжмийг сонсголоо. Жамсранжавын хөгжим. Их сайхан аялгуу юм. Говьд хоорондоо уулзаж чадахгүй, бие биесээ мөрөөдөж байгаа цэвэр ичимтгий ааш нь эвдрээгүй залуусын сэтгэлийн уянга, улирлын аяс хоёр байх ёстой юм байна гэж бодоод

“Яруухан хаврын гурван сардаа

Яргуйгаа дагаад сүрэг минь жаргалтай

Цэрвүү алсаас чамайгаа санахад

Цээжний гүнд наран ургаастай” гэж эхлүүлэн дөрвөн улирлын аясаар бичсэн. Кино үйлдвэрийн төлөвлөгөө тасрах гэж байхад аминд нь орсон дуу даа.

-Мишигийн Жавган гэж мундаг зохиолчийг хүмүүс нэг их яриад байхгүй юм даа. Тантай хамт ажиллаж байсан гэл үү?

-Дундговийн Дэрэнгийн өөлд хүн байгаа юм. Жавган маань хүн нүдээр хараад доогломоор дэндүү эгэл хүн байсан. Яагаад ч дандаа богино өмд өмсдөг байсан юм шагай нь байнга гялалзаж явдаг, Кино үйлдвэрт даргаас нь бусад албыг хашсан мундаг амьтан. Дарханы бүтээхүйн эрдмийн сургуулийг төгссөн, цахилгаан, тайз засал гээд бүгдийг шийддэг, таван зуун хүний хувь тавиланг шийддэг боловсон хүчин, зургийн дарга ч хийж байсан даа. Жавганы зохиолоор хийсэн кинонуудаас хамгийн алдартай нь “Нийслэл хүү” байна. Гадны киноны хуулга биш цэвэр монгол шог байсан. Хувь хүний хувьд маш их онцлогтой. Хээрийн зурагт явж байхад нь хайрханы дээгүүр гэнэт хар үүл гарч ирээд аянгатай аадар асгалахад нарлаж байсан хүүхнүүд дуу алдан хувцас хунараа дутуу хагас цуглуулан гэртээ ирчихсэн байхад Жавган ганцаараа байдаггүй. Жавган аянганд ниргүүллээ гэхэд тэр их аадар дундуур явчих хүн байдаггүй. Аадар гэнэт шаагисан шигээ гэнэт татрах үед мань хүн хув хуурай ороод ирэх жишээтэй. Яав гэхэд “Яахав жаахан бороо ороод би хариулчихлаа” гэнгүүт нөгөөдүүл нь биширч сүйд болж. Яг нарийн учрыг нь сүүлд асуутал “Бороо асгуут л эд нар гүйгээд явцгаасан. Би үлдээсэн түмпэнг нь авч хувцсаа тайлан дотор нь хийгээд толгой дээрээ тавиад цүнхээл дотор суучихсан. Наранд бүлээссэн ус сайхан байна. Бороо арилуут биеэ арччихаад хуурай хувцсаа өмсөөд ороод ирсэн” гэж байсан сан. Жавган “Шинэ танилууд”, “Мартагдашгүй намар”, “Шинэ хотын гэрэл”, “Тууврын замд” зэрэг олноо нэрд гарсан уран сайхны кинонууд бүтээсэн давтагдашгүй сонин сэтгэлгээтэй, басашгүй сайхан авьяас билигтэй зохиолч байлаа. “Есөн хүсэл” роман тэргүүтэй олон сайхан бүтээлүүд нь байгаа даа. Ер нь манайхан алдарт гарсан хүмүүсийн араас шогшоод, эсвэл тааруухан зохиолчийн үр хүүхэд нь баян бол хөшөө дурсгал гэж мод чулуу энд тэнд овоолоод л, хэн ч уншихгүй юмыг нь ахин дахин хэвлэж гаргаад байх юм. Уг зүй нь монгол утга зохиолын том овоонд ивээс нь болж байсан тулгуур чулуунуудаа, дээш нь шидэхэд доошоо нурахгүй тогтоод байсан жижиг чулуунуудаа аль алийг нь бодож баймаар санагддаг.

-Тоогдохгүй тулгуур чулуунууд олон байна уу?

-Тэр байтугай аугаа их С.Дашдооровын наян насны ой таширлаад байхад хөөрхий муу Дарма Батбаяраас өөр дуугарч байгаа хүнгүй л байна ш дээ. Би нэг дурсамж бичсэн. Манайхан чинь идэж ууж явснаа л бичээд байх юм. Тэр дурсамж биш л дээ хө. Би бол муу нэрт, луу данст Галсанд ямар их авралын бурхан байсан талаар л бичсэн. Хэвлэх газар олдвол хэвлүүлчихнэ дээ. Урамгүй нь билиг авьяастны хөдөлмөрийг үнэлэхгүй биеэ үнэлэгчдийг л өндөрт мандуулаад байх юм. Капитализм чинь хүнийг урамшуулж шагнаж байж хөдөлмөрийг нь шударга үнэлдэг юм шүү дээ. Энэ бурууг залруулах ёстой. Цэдэвдоржийн Базаррагчаа гэж гайхамшигтай хэл найруулгатай зохиолчийг огт ярихгүй юм. Чойжамцын Ойдов гэж төрийн шагналт мундаг зохиолч байлаа. Архичин гээд амьдаар нь булшилчихсан. Дөнгөж дөчин хоёрхон насалсан байдаг. “Ардын элч” киног бичсэн. Энэ кино чинь сонгодог найруулгатай бүтээл шүү. Ойдов гуайн ерэн насны ой удахгүй болно. “Далан худалч” жүжгийг битгий тоглооч, орлогынх нь мөнгийг манай улс гаргая гэж урд хөрш гуйж байсан тийм зохиолч Монголд даанч ховор. Ойдов тэгэхээр олон улсын хэмжээний сонгодог зохиолч байгаа биз дээ. Ийм сайхан хүмүүсээ огоот дурсахгүй байна. Мартах чинь хоёр янз байх шиг байна. Нэгдүгээрт, өөрсдийгөө өргөмжилж бусдыг мартахуйн мананд гээх гэсэн явуургүй арга. Тэр дэмий. Он цаг өнгөрөх тусам жинхэнэ сонгодгууд булавч бултайгаад, даравч дардайгаад гараад ирнэ шүү дээ. Хоёрдугаарт гэвэл хорвоогийн гачлангаар дэндүү эрт буцаад бүтээл туурвил нь ард түмэнд түгэлгүй хайчлагдчихсан авьяастнууд бас байх юм даа. Пүрэвийн Гантөмөр гэж хэд хэдэн кинонд дүрээ мөнхөлсөн царай нь хар ч хүн чанарын их гэрэл гэгээт шударга сайхан найрагч байлаа. Ламжавын Лувсандоржийг бурхан болоход пайлуурын чулууг нь үүрчихсэн, хөлс нь гоожоод ирж байхыг би харж байлаа. Одоо чинь хүн биш байтлаа өөрсдийгөө яруу найрагч гэж цоллосон залуус мэр сэр байна шүү. Некрасов “Яруу найрагч та иргэн байх хэрэгтэй” гэсэн. Би бол “Яруу найрагч хүн байх ёстой” гэж боддог. Хүний ертөнцөд хүн байх шиг гайхамшиг үгүй юм даа.

-Хүн байхын утга учир тэгвэл юунд орших бол?

-Монгол маань хүн төрөлхтнөөс хоншоор дутуугүй, аль ч ард түмнээс аз жаргал яндаагүй байх аз одонд заяасан ард түмэн. Социализм гэдэг суваргаа нураах нь зөв байсан ч буруу нураасны хар гайгаар, Дэн Сяопин аваргын эдийн засгаа эвдэхгүй үзэл суртлаа эвдэх аргыг хэрэглэлгүй бүгдийг нь буулгаснаас болоод гадаадынхны гар хөл болсон нэгдүгээр зэргийн луйварчид төр засагт шургалчихаж. Тэгснээс болоод гурван сая хүнд хүртэх аз жаргал гурван зуухан хүнд оччихоод байна. Үүний буруутан нь манай ард түмэн. Энэ алдаагаа л залруулчихвал ганц Галсанд тустай биш нийт монгол түмэнд ачтай юм. “Манай нам, танай нам” гэж улаантан цагаантан болж талцаад ах нь дүүгээ, айл нь саахалтаа үзэж чадахаа больсноос хамаг гай үүдэлтэй. Жаахан хэрүүлтэй уруултай, харанхуй бүрэнхий үеэр чөтгөр шимбэн бурхны гүнгэрваанд ороод нуугдчихдаг жамаар л энэ луйварчид төр засагт шургалчихсан. Энийг залруулах хүч чадал, эрдэм билиг Монголын ард түмэнд бүрэн бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тангадын Галсан: Хардах бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.

-Тантай хөөрөлдье гээд утас цохьтол хилээр явсан гэж байсан. Эх орныхоо альхан зүгийг тойроод ирэв дээ?

-Энэ жил би арван гурав дахь аймгаараа яваад ирлээ. Орвог гашууны Бор толгойн хойд талаас Хатан суудлын зүүн урд тал хүртэлх хилийн ангиудаар явлаа. Зорилго юу вэ гэвэл эх орныхоо хилийг нүдний цөцгий мэт хамгаалж байгаа хилчин дайчдын маань байгууллагын 82, эх хэлээ хамгаалдаг уран үгийн дархцуулын ганц хэвлэл “Утга зохиол” сонины жаран жилийн ой энэ намар таширчээ. Эх орныхоо хилийг хамгаалахад орчин үеийн байлдааны зэвсэг, сансрын холбоо бүрдсэн боловч бас хүнлэг сэтгэл, эх оронч үзлээр хилчин дайчдаа зэвсэглэх зайлшгүй шаардлагатай. Тиймээс МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Шарын Лхачинжав нар яриад “Утга зохиол” сонины эрхлэгч, яруу найрагч Ж.Баяржаргал, арван наймхан насандаа цэрэг болж “Цэцэг нуурын хөвөөнөөс

Цэргийн албанд мордов оо” дууг зохиосон Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар тэргүүтэн өмнийн цэнхэр говиороо аялаад ирлээ. Улсын нууцын зэрэглэлд анги, заставууд ордог болохоор арваад газраар орлоо.

-Намар ч ёстой нэг налайж байгаа биз?

-Өмнөговьд энэ жил дахиад зун болж байна. Би өдий наслахдаа говь нутагт есдүгээр сарын хуучдаар үер болж буухыг үзээгүй. Жаран долоон оны үерийг манай Явуухулан “Хорхойтсон баавгай шиг” гэж бичсэн. Тийм үер бидний унааны урдуур өнгөрлөө. Хүн ард нь эвтэй байвал луут тэнгэр хураа хайрлаж, луст газар дахин зуншиж цэцэглэхийг нүдээрээ үзлээ дээ.

Таана арван хуруу хэртэй сугсраа, хөмүүл мэтийн говийн цэцэгсийн анхил цээж уужлаад хачин сайхан байх юм. Дундговь руу ороод ирэхэд намраараа. Өвснийх нь бүрсрүү шарласан уу гэхээс өвснийх нь сөл доошоогоо исгэсэн айраг шиг л сайхан байна. Говь нутгийнхны хувьд мал тарган, магнай нь тэнэгэр байвч өвөл болдог шүү гэдгийг санаад үйлс ажлаа цалгардуулахгүй байгаа нь сайхан л харагдлаа.

-Та “Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу” гэж ёжтой “Болор цом” авахдаа их асуусан найрагч. Өөрөө ингэхэд цэргийн алба хаасан уу?

-Далын даваа өөд мацаж яваа Хүрэлбаатар найрагч, дөчин нас дөнгөж гарч яваа Буянзаяа, Баяржаргал нар чинь бүгд цэргийн алба хаачихсан эрийн эр байдаг юм байна. Тэр дунд цэргийн алба хаагаагүй гав ганцхан нөхөр би байдаг юм байна. Бидний үед дээд мэргэжилтэн ховорхон. Гадаадын ч бай, өөрийнхөө ч бай дээд мэргэжилтнийг дээдлээд, цэрэгт явуулдаггүй тийм үе байсан л даа. Дараа нь намайг хэрвээ цэрэгт явуулчихвал эсэргүүн очоод армийг эргүүлчихнэ гээд явуулаагүй. Зайлуул даа хөөрхий, өөрийнх нь төрсөн хүү эх орныхоо эсрэг элдэв бурчиг хийхгүй шүү дээ. Гэвч, би эх орныхоо хилийг шүлэг найргаараа хамгаалж явсан юм байна. Тэрнийг өөрөө мэдсэнгүй. Хилийн цэргийнхэн өөрсдөө надад унших юм. “Цэрэг татлагын үеэр таны шүлгүүдийг л бид уриа болгон намируулна шүү дээ. Жишээ болгоход цэрэгт явахгүй байгаа залуусын тухай

“Яншаа эмээ шиг гачигдал тоочиж шившгээ дэлгээд

Ялааны хор ууж эмнэлэгт хэвтэж, ходоодоо угаалгаад

Яаж ийгээд цэрэгт явдаггүй хөвгүүн охидын нүдэнд

Ямааны гурвын шулдан хаа шиг харагдана аа” гэхэд л нэг нэгнээсээ ичиж нэрэлхээд бүртгүүлж эхэлдэг юм даа гэж байна. Цэргийн алба хаагаад ирсэн хүү ямар сайхан эрийн эр, дарцаг биш туг болоод очдог тухай

“Саяхан цэргээс халагдсан ханхар эр

Саахалтын тэртээгүүр исгэрэн жавхалзан өнгөрөхөд

Сайхан хүүхнүүдийн бүсний үзүүр алдуурна

Санаа алдахад нь энгэрийн товч нь мулт мулт үсэрнэ ээ” гэж та бичсэн шүү” гээд урдаас унших юм. Миний энэ “Жирмийн сүлжээ”-нүүд цэрэг татлагад маш их нөлөө болдог гэнэ л дээ.

-Хэдийгээр та цэрэгт яваагүй ч эх орон, иргэний уянгын олон сайхан найргаараа аргагүй л хилээ манаж, хиргүй тунгалаг сэтгэлээр эх орноо хамгаалжээ…

-Цэргийн их жанжин Ёндон генерал “Болор цом”-ыг үзэж, өөрөө заавал тэр тэмцээнийг “шүүж” оноо таарах нь уу, үгүй юу гэж хардаг Гаваа генерал нар

“Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу

Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу

Гал асаагаагүй бүсгүйг бэр гэдэг юм уу

Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу” хэмээх шүлгийг дандаа бидэнд уншиж яруу найргаар “зэвсэглэдэг” байсан. Бид ч гэсэн тэгж зэвсэглэх ёстой. Тэгтэл та нарын яруу найргийн эх орон, хилийн тухай бүтээлүүд бидэнд яагаад ирэхгүй байна вэ. Яруу найрагч Данзангийн Нямаагийн гаргадаг “Улирал ба зохиолч” сэтгүүлийн зохиолч Санжийн Пүрэвийн тууж, таны “Хилийн овооны нууц” гэдэг найраглал оны шилдэг бичлэгийн шагнал хүртсэн гэж сонссон. Тэр найраглал яагаад бидэнд олдохгүй байна. Баяржаргал гуай тэр найраглалыг сониндоо хэвлээд өгөөч гэх мэтээр цэрэг дайчид, гэрээт хил хамгаалагчид хүсэж байна. Уулзалт хийхэд барилгын цэргүүд суугаагаараа сайхан унтаад өгдөг юм ш дээ. Яаж тэгж суугаагаараа сайхан унтаж чаддаг юм. Тэгэхэд хилийн цэргүүд манай нөхдийг шүлэг унших тусам сандал чихар чихар дуугараад урагшаа дөхөж суугаад, чихээрээ биш нүдээрээ сонсож байгаа нь ил харагдаад, нүдэнд нь амьдралын хэтийн ирээдүй, амраг бүсгүй нь, иргэнийхээ үүргийг биелүүлсэн шиг биелүүлээд эр хүн болоод нутагтаа очихын итгэл нь харагдаж байх их сайхан байлаа даа.

-Та “Монгол кино” үйлдвэрт олон жил ажиллахдаа “Аргаль”, “Янгир” зэрэг олон баримтат бүтээл хийж эх орноо дугуйлсан нь тодорхой. Энэ жил таны ажиллаж байсан энэ том байгууллагын тэгш ой тохиож байгаа байх шүү?

-“Монгол кино” үйлдвэр гэсэн тэр том байгууллагын урлагийн аваргуудын дунд монгол хэл-уран зохиолын багш мэргэжилтэй мань мэтийн хүн яваад очиход далай даян дархан аваргуудын аманд нэгдүгээр ангийн хүүхэд гараад очиж байгаа юм шиг л байсан даа. Аугаа их Дооров (ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров. сурв) гэхэд Горькийн утга зохиолын дээд сургууль төгсчихсөн, үгүй ядахнаа дүр хөргийг нь харъя гэхэд духандаа дааганы туурайн тамгатай. Монголын тухай анхны найраглалыг говийн гурван аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч байхдаа бичсэн хүн дээ.

“Монгол, бичихэд хэдий богино ч

Мориор туулаад баршгүй уудам дэлгэр орон оо

Монгол, дуудахад хичнээн авсаархан ч

Мохож, мөхөж үзээгүй яруу алдарт түмэн ээ” ч билүү, монгол үндэстний ухамсрыг сэргээсэн олон сайхан бүтээл туурвисан гайхамшигтай зохиолч шүү дээ. Дооровын маань “Эх бүрдийн домог” чинь ерөөсөө хилийн тухай, эх орны алга дарам газрын төлөө харийнхны шүлс яаж савирч байдаг тухай кино байж шүү дээ. Сангал гэдэг жирийн өвгөн, Найгал хэмээх эмгэн, түүний Нарангаравуу эх нутгаа хамгаалахын тулд амь насаа, алаг үрээ зориулж байж энэ нутгийн алга дарам газар үлдсэн юм шүү гэдгийг үзүүлсэн кино байх жишээтэй.

-Монгол айл бүхэн л хилчин, эх оронч байжээ?

-Монгол бол Хүн овогтны өвөг үндэстний нэг. Гэр-улс нь хүчирхэг үедээ төр-улс нь хүчирхэг байсан. Одоо манайд гэр-улс нь буурсан, буруудсанаас болоод төр-улс нь түйвэргээнтэй байна.

-Та яагаад ийм муу өнгөтэй үг хэлнэ вэ?

-Нууж болохгүй муу ёрт таван гэр бүл байна. Тэднийг бат бэх гэр-улс гэхэд хэцүү.

-Та “Төр улсын дотор гэр улс бат оршихуйн нууц” гэж сэнхрүүлэг исээний номдоо энэ тухай нэлээд тодорхой дурдсан байх аа?

-Нэгдүгээрт, Үнсэх хөөрхөн үртэй, өвлөх их бага хөрөнгө нэгтэй атлаа Монгол төрөөрөө баталгаажуулдаггүй, түмний урд хуримладаггүй, өөрөөр хэлбэл гэрлэлтийн баталгаагүй хэврэг гэр бүл. Хоёрт, зуны гурван сар хамт зугаалдаг (намар салдаг) өвөл болохоор бөөрөө бүлээтгэхийн тулд нэг хөнжилд хамт өвөлжөөд, хавар болохоор хар цагаан дуугүй салан одогсод буюу америк маягийн хамтран амьдрагсад. Дараагийнх нь гадаад ханьтай. Хоёрдмол иргэншилтэй, эрлийз хэл бүхий хүүхэдтэй, эх орон тодорхойгүй, эвлэх эвдрэх нь цөөнгүй, хэтийн ирээдүй нь хэврэг гэр бүл. Мөн аль нэг улс гүрэнд ажиллаж байгаа, ар гэрийнхнээ алсаас тэжээж байгаа, гэвч илгээдэг мөнгө нь ихэсч бус багасч байгаа, энд байгаа нь ч, тэнд очсон нь ч “илүүдэл орон тоотой” болж буй тэнэмэл гэр бүл. Тэр хэрээрээ хэврэг гэр бүл. Эцэст нь өр өвдөм, өрөөсөн багана шиг ганцаардмал өрхийг толгойлсон эмэгтэйчүүдийн гэр бүл гэж ийм таван янзын гэр бүл байна.

-“Гэр-улс” гэж та яг юуг хэлээд байна вэ. Ийм үг монгол хэлний үгсийн санд байдаг гэж үү?

-Гэр, улс гэдэг хоёр үгээс бүтсэн юм. Гэр гэдэг нь,

Гэрэл урьсан тоонотой

Гийчин урьсан үүдтэй

Гиймэл нандин өргөө шүү дээ.

Улс гэдэг нь нэгдмэл эрх ашигтай, нэг хэл бичигтэй, ёс заншил хэмээх аман хуультай, эртний түүх нэгтэй, ирээдүйн хувь заяа нэгтэй ард түмэн шүү дээ. Энэ хоёр үг хоршиход л гэр-улс гэдэг шив шинэ сайхан үг үүсч байгаа юм. Шинэ үг бүхэн шинэ ухагдахуун илэрхийлдэг. Төр улс бий болохоос хэдэн мянган жилийн урьд гэр-улс бий болсон түүхтэй. Монголчууд “Одны гэр”-ийн онолоор гэр-улсаа байгуулсан. Түүнийхээ ачаар цөөхөн атлаа олноос хүчирхэг улс байв. Өөрөөр хэлбэл гэр-улсын хүчирхэгжил нь төр улсын хүчирхэгжлийн үндэс байжээ.

-Танайх гэхэд ямар гэр улс вэ?

-Дээр дурдсан таван муу ёртой гэр бүлээс онхи өөр. Үр ачдаа үлгэр дуурайлтай таван буман (таван зуун мянган) гэр улс Монголд бий. Тэдний л нэг нь манайх. Би бол Галсан. Бүгд найрамдах улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, сангийн сайд, миний хань бол Галсан хэмээх гэр-улсын эрүүл мэндийн, гэгээрлийн, хөнгөн хүнсний, хүн ам зүйн бодлогын сайд бас төв банкны захирал. Хэдэн хүүхэд маань эрүүл өссөн. Энэ бол эрүүл мэндийн сайдын ач. Нэг нь ч дунд сургуульд дунд, муу сураагүй. Тэр бол гэгээрлийн сайдын тайлан. Ганц Галсанг дөрвөн хүү, нэг охинтой болгож, манай удмыг өнөржүүлсэн. Энэ бол хүн ам зүйн бодлогын сайдын том гавьяа.

-За тэгвэл гэр-улсын ерөнхийлөгч та ямар үүрэгтэй хүн билээ?

-Манайх гэдэг гэр-улс хэзээ ч хиртэй, өртэй, хилэнцтэй байгаагүй. Хиргүй гэдэг эрүүл, өргүй гэдэг баян, хилэнцгүй гэдэг буянтай гэсэн үг. Гэр-улсын тэргүүн байх сайхан. Гэвч гэр-улсынхаа тусгаар тогтнол, эв эе, тэгш эрх, амь зуулга, хувь заяаг данайтал дааж явна гэдэг өндөр үүрэг, хатуу хариуцлага. Ер нь айл өөдлөн дэвжих үү, уруудан доройтох уу гэдэг нь Гэр-улсын тэргүүнээс ихээхэн шалтгаална.

“Удмаа доортговоос

Уул нурахын дайтай.

Ханиа гомдоовоос

Хайрхан нурахын гайтай” гэж би боддог. Миний хань Найгалмаа “Нэрээ хөдөс болгуузай. Гэрээ гахайн үүр болгуузай” гэх сургаалаар одоо ч үр ачаа хүмүүжүүлсээр байгаа өндөр эх хүн.

-Монгол Улс төсөвтэй байдаг шиг гэр-улсад ч төсөв байх нь ойлгомжтой?

-Байлгүй яахав. Тоонот гэрт толгой холбож, тостой шөлөнд хошуу холбосон өдрөөсөө гэр-улс төсөв зохиож сурдаг. Төсвийг хамтран батална. Гэр бүлийн төсөв нь орлого, зарлага, хуримтлал гэсэн үндсэн гуравхан хэсэгтэй. Орлого бол цалин, туслах аж ахуйн унац, хадгаламжийн хүү зэргээс бүрдэнэ. Тогтмол орлогынхоо хорин таван хувийг хадгаламжинд хийдэг айл хэзээ ч гачигдахын зовлонд тарчлахгүй. Ингэж чадсан айл дөчин наснаасаа эхлээд

“Яана аа гэхийн гачигдал зовлонгүй

Явган гэлдрэхийн ядаргаат сажлалгүй

Үүц хийх амбан шартай

Ууц тавих халзан ирэгтэй” болно шүү дээ.

-Орлогоос гадна бас зарлага гэж нэг сүрхий гайтай юм байдаг биз дээ?

-Гайтай биш ээ, жамтай юм. Таван шанага цай хийдэг домбонд тавин мянган шанага сүү хийж болно. Тэгэхийн тулд арван мянган удаа суллах хэрэгтэй. Суллах тутамдаа дүүргэх ёстой. Яг түүн шиг зөв гарсан гарлага эргээд олон дахин арвижсан орлого болдог. Зарлагыг орлого болгоход ухаан хэрэгтэй.

-Зарлагыг яаж орлого болгох вэ?

-Гэр-улсын сарын зарлага орлогоосоо хэзээ ч давж гарах ёсгүй. Хэрвээ ахиу зарлага гарч гэмээнэ орлогын ондоо эх үүсвэрээр дутсаныг нөхөж, дундуурыг дүүргэх ёстой. Жишээ нь, цагаан сараар малчин хүн хоёр ирэг зарлаа гэхэд оронд нь гурав дөрвөн охин төлөг авах жишээтэй. Тэр нь хойтон хавар төллөхдөө зургаагаас найман хонь болно. Хот суурингийнхан бол хос зурагтынхаа нэгийг зарж болно. Илүү өрөөгөө, эзгүй зусдаг зуслангаа түрээслүүлж болно. Итгэлтэй хүнд мөнгө хүүтэй зээлүүлэх ч унацтай. Олон хэл мэддэг бол орчуулга хий. Арван насны хулгайч архи, таван насны хулгайч тамхи авахаа боль. Орой үдэш зорчигч зөөвөрлө. Хэтэрсэн зарлагыг дор нь нөхөөд багагүй орлого олох энэ мэтийн боломж айл бүрт зөндөө бий. Эрдэм, ажил хоёр эргээд буян арвижуулдаг жамтай. Арга барагдсан үеийн нэг аврал бол зохист зээл. Богино хугацаатай, их хүүтэй зээл бүү ав. Тэр бол түймэртэй адил. Харин урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хурдан эргэлдүүл. Нэг мэгж аваад олон тооройтой болох шиг мөнгө чинь үржинэ. Чи зээлийн өрөөс гарах төдийгүй, зээлдүүлэх мөнгөтэй болно. Ер нь гачигдаж өрийн нээнтэгт орох тусмаа хүн гайхалтай сэтгэж, гавшгайлан зүтгэж, олзны орд нээдэг. Лоохууз 17 төгрөгийн цалинтай үедээ, би 70 төгрөгийн цалинтай болуутаа л тосон чөмөгтэй амьдрахын ухааныг олсон. Тийнхүү гарлагын үүдийг хааж, орлогын үүдийг нээсэн гэр-улсад эрүүл энхийн цагаан буян, эд хөрөнгийн арвис буян, инээд баяслын далай буян, эрдэм ухааны гэгээн буян өдрөөс өдөрт чуулаад эхэлдэг дээ хө.

-Гэр-улсыг байгуулахын тулд ирээдүйн хань буюу таны хэлдгээр “Хос багана”-ын нэгээ хэрхэн шинжиж олох вэ?

-Танилцсан залуу хос төдийгүй, аав ээж нь энэ шинжээнд хамтран орох үүрэгтэй. Яагаад гэвэл гэр-улсыг байгуулах нь хүүхэд чулуугаар гэр барьж тоглохтой адилгүй. Манай монголчууд удмаар нь, үг яриагаар нь, эрдэм авьяасаар нь эзэмшсэн ажил мэргэжил, зан аашаар нь заяа төөргөөр нь, тэр ч байтугай унаж яваа мориор нь, одоо цагт унаж буй тэргээр нь залуусыг шинждэг уламжлалтай. Тэр дунд хамгаас эрхэм нь удам. “Сүх авахдаа онгийг нь хар. Хүн авахдаа удмыг нь хар” гэдэг мундаг сургаал шүү.

-Гэр-улсыг өөд татдаг гэгээн буянд юу юу багтдаг вэ?

-Гэр-улс бат байхын гам хошлон нь нэг сэтгэл, нэг итгэл үнэмшил. Эрийн ясан чөмөг сунаж, эмийн цусан цэнэг ханасан үедээ нийлсэн гэр нэг, ор нэг, дэр нэг, амь зуулга нэг хосын бие нь тус тусдаа боловч итгэл үнэмшил нь нэг байдаг. Нэг нь бөө шүтдэг, нөгөө нь Есүс шүтдэг бол хэтийн заяа гэгээн болохгүй. Арвилан хэмнэлт бол эд хөрөнгөөр дутуухан ч ирээдүйд элбэг дэлбэг амь зуухын нөөц. Балгадаг айлд хэзээ ч буян чуулдаггүй. Бага багаар хэмнэдэг айлын буян дундардаггүй.

-Гэр бүлийг доройтуулдаг гэмт нүгэл юу байдаг бол?

-Аз жаргалыг хөндөгч айл гэрийг түйвээгч арваад муу ёрын нүгэл бий. Нэг дэх нь хар. Хар бол ижил ханиа эмээлтэй морь, эмжээртэй дээл шиг өмчирхөх дон, аминч үзэл, арчаагүй тэнэглэл. Хар хүүшилсэн айл цоожгүй шоронтой адил. Ханиа хардагч бол буугүй хуягтай адил. Харыг хог дээр хаяж чадсан гэр-улс жаргалтай.

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам танд их мундаг исээ захиалж дээ?

-Сайд С.Эрдэнэ хэлэхдээ “Монгол Улс хүнлэг энэрэнгүй иргэний ардчилсан нийгэм байгуулах зорилготой. Энэ бол иргэн бүрийн төв үзэл зөв ухаан бодлыг Монгол төрийн үйл хэрэгт дайчлан ашиглана гэсэн үг. Манайханд ярьсан Галсан гуайн үгэн дотроос “Төр улсын доторхи гэр улс” гэдэг үг цочирдом содон дуулдсан. Тэгээд л бид захиалж, гэрээ хийж ном бичүүлсэн. Энэ ном ганц бие залууст байтугай гал голомтоо аль эрт бадраасан эхнэр, нөхрүүдэд ахин дахин уншууштай, алт мэт санаануудтай, аван шууд хэрэглэх өгөөж хишигтэй юм” гэж үнэлсэн байсан шүү.

Үргэлжлэл нь “Өдрийн сонин”-ы №239 (5191) дугаараас уншина уу.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Баяр жаргалаа хоёроор үржүүлж бодож суръя

Зөвлөлтийн үеийн Узбекстаны яруу найрагч Римма Казаковагийн нэг сайхан үг байдаг. “Баяр жаргалаа хоёроор үржүүлж байгаа зовлонгоо хоёроор хуваан бодож сур” гэсэн. Хүний амьдрал гэдэг үргэлж мөнхийн баяр жаргалаар бялхаад байдаг үүрдийн диваажин биш. Бас бие сэтгэлийн зовлонд дандаа тарчилж байдаг харанхуй там ч биш. Жаргал, зовлон гэдэг ер нь харьцангуй ойлголт.

Бор гэртээ богд гээд борог амьдралаа болгоод явдаг хүнд бол тэвэр дүүрэн алт, өвөр гэрэлтэм амраг үй түмээрээ байгаад чиг нэмэргүй. Хүсэл, шунал нь далай мэт ёроолгүй, тэнгэр адил оёоргүй нэгэнд бол энэ дэлхийн бүх баялаг байлаа ч ханаж цадах нь үгүй.

Амьдралын сайхныг мэдэрдэг, байгалийн гайхамшгийг биширдэг нэгэн бол хоосон үүргэвчтэй ч хорвоог сэтгэл амар туулна. Сэтгэл амар гэхээр хөл хөсөр, гар газар амраад гэдсээ илээд хэвтээд бай гэсэн үг биш л дээ. Хөлөө явж, хөлсөө дуслуулан хөдөлмөрийнхөө үр шимийг амссан хүн өрх бүлдээ аз жаргалтайгаар олсон долсноо хувааж хүртээд жаргалтай байж чадна.

Шуналын хүүдийнх нь ёроол цоорхой бирдүүд бол харин түмний хөрөнгөөр түнхэрцгээ дүүргэж, олны буянаар олгойгоо цатгавч илүү харж, билүү долоон арван найман тамын адгийн тамд унана.

Тиймээс хүн гээч сэтгэлийн амьтан “Баяр жаргалаа хоёроор үржүүлэн, байгаа зовлонгоо хоёроор хувааж” аж төрвөл аз жаргалд дөтлөн сэтгэлийн зовлонгоос ангижрах буюу.


Categories
мэдээ цаг-үе

Д.МАНДАХСАН: Сансрын нисгэгчийн ангийн багш гэхээр би их өндөр заяатай хүн юм

Монгол
Улсын гавьяат багш, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч
Дамдинсүрэнгийн Мандахсангийн Эрдэнэт хот дахь гэрт нь зочилж хөөрөлдөв.

-Таныг Булган,
Эрдэнэтийн утга зохиолын хүрээнийхний оюун санааны эцэг гэлцдэг. Тиймдээ ч танд
Монголын төр гавьяат багш хэмээх эрхэм сайхан алдраа хүртээсэн болов уу?

-Би Булган
нутгийн хүн. Аймгийнхаа арван жилийн сургууль дүүргээд Улсын багшийн дээд
сургуульд элсэн төгсөөд л дунд сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар
тасралтгүй ажилласан даа. Багшийн институтыг 1957 онд төгсөж байлаа. Энэ
ангийнхнаас минь одоо тоотойхон хэдэн хүн үлдсэн байна. Орчуулагч, зохиолч
Хөвсгөлийн Балжинням, Баянхонгорт насаараа багшилсан Түнтгэр нарын мундаг
оюутнууд манай ангид байлаа. Багшийн ажлын гараагаа Хэнтий аймгийн Цэнхэрмандал
сумын Хөдөө аж ахуйн техникумд багшилснаар эхэллээ. Тэнд нэг жил багшлаад,
Дорнодын техникумд ажиллаж, нийслэлийн арванзургадугаар дунд сургуульд пионерын
удирдагч хийж байгаад 1964 онд Булгандаа ирээд насаараа багшиллаа даа.

-Шавь нарынхаа
тоог алдсан юм байна даа?

-Дөч гаруй жил
багшийн ажлыг нэгэн үзүүрт сэтгэлээр хийснийх овоо тоо гаралгүй яахав. Даасан
ангиас маань найм төгсгөсөн Монгол Улсын гавьяат багш Ганчимэг, аравдугаар
ангийн төгсөлтөөс ОХУ-ын болон Монгол Улсын баатар, сансрын нисгэгч
Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын тэргүүтэй эрдэмтэн, эмч, багш нар олон төрөн
гарсан даа. Монголд сансрын нисгэгч төрсөн нь нэг юм. Сансрын нисгэгчийн ангийн
багш гэхээр би их азтай, өндөр заяатай хүн юм. Энэ олон хүүхдийн буян намайг
алдрын зэрэгт өргөлөө.

-Монголын их
утга зохиолд нэртэй мөртэй яваа олон сайхан зохиолч, яруу найрагчдыг төрүүлсэн
биз?

-Хүүхдийн гэрэлт
ертөнцөд ажиллаж байсан болохоор уран зохиолын ажилд өөрийн эрхгүй татагдан
орсон. Уран зохиолын дугуйлан удирдан ажиллаж байгаад нэг л мэдэхэд өөрөө
зохиолч болсон байсан. “Уран-Өд” дугуйлан маань одоо тавин тав дахь жилдээ явж
байна. Өдий олон жил хичээллэж байгаа гэхээр хүмүүс тэгтлээ үнэмшдэггүй юм.
Миний залуу настай хамт төрсөн дугуйлан даа. Миний дугуйлангаас сэтгүүлч,
зохиолч, яруу найрагчаас гадна эмч-эрдэмтэд олон төрөн гарсан. Хүүхэд насны
дэврүүн жигүүрийг дэлгэж өгсөн өвгөн багш би азтай хүн юм гэж он жилүүдийн өндөрлөг
дээрээс бахархаж явдаг даа. Дугуйлангийн шавь нараа би эхэн, дунд, залуу үеийн
гэж гурав ангилдаг юм.

-За эхэн
үеийнхэд нь ямар шавь нар байна?

-Эхэн үеийн шавь
нараас хурандаа Баасай маань одоо надтай нэг хотод аж төрж байна. Соёлын
гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч, яруу найрагч Санжжавын Оюуныг та бүхэн
сайн танина. “Тан руу нүүж явна” гэж ямар сайхан кинотой билээ. “Хорвоод
ганцхан ээждээ”, “Үнсье чамайгаа үнсье”, “Харанга” хамтлагийн дуулдаг “Санана
даа” зэрэг олон дуугаар нь уншигчид түүнийг андахгүй. Шавийн минь анх долдугаар
ангид байхдаа бичсэн шүлэгтэй сургуулийн ханын сонин одоо ч надад байдаг. Оюун
маань бүх хичээлдээ жигд онц сурдаг хүүхэд байсан болохоор багш болгон
булаацалдана. Онигордуу нүдтэй болохоор би шавиа “Онин бууз” гэж өхөөрддөг
байлаа. МЗЭ-ийн шагналт Д.Баянтунгалаг гэж тун чиг тунгалаг гэгээн яруу найрагч
бас миний шавь. Б.Цэрэнжамц анх надад дагуулж ирснээр миний гэрийн, гарын шавь
болсон доо. Булганд байхад нь хоёулаа нэг нэгэндээ шүлэг зохиолоо үзүүлэх гэж
шөнө дүлээр ч гүйдэг байсан сан. Эхэн үеийн шавь нарт Монголын радиогийн нэрт
сэтгүүлч Н.Хишигдорж, С.Оюунчимэг, “Аарцны чулуу” хэмээх гайхамшигтай шүлэг
туурвисан яруу найрагч Ц.Чинбат, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан,
Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цэрэнжамц, яруу найрагч
Данзангийн Ганчимэг нарын олон сайхан шавь нар маань өнөөдөр Монголын утга
зохиолын их ертөнцөд уран бүтээлээ туурвиж явцгаана.

-Дунд үеийн
шавь нар тань хэн хэн билээ?

-Дунд үеийн шавь
нарын маань оргил нь “Хойд шугуйн жимс” шүлгийн түүврээрээ Монголын утга
зохиолын ерээд оныхон дунд байраа эзэлсэн яруу найрагч Жадамбын Батцэцэг,
талийгаач шавь, гэгээн уянгын яруу найрагч Дорждамбын Баттогтох, МЗЭ-ийн
удирдах зөвлөлийн дарга, зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа, сэтгүүлч,
яруу найрагч Б.Эрдэнэсолонго, Ж.Сэлэнгэ, Л.Ихзаяа нар маань байна. Толгой сүүл
холбосон цагаан магтаал, ерөөлийн шүлэг бичдэг байсан үед Батцэцэгийн шүлэг
шинэ сэрэл мэдрэмж, сэтгэлгээг бий болгосныг номыг нь уншаад мэдэх биз.

-Бурхан болооч
Тогтохоо найрагчийн танд хаяглан бичсэн захидлууд тусдаа ном болон хэвлэгдсэн
дээ?

-Хөөрхий минь
дээ, тэр сайхан найрагч шавь маань даанч насыг насалсангүй. Надад өгөх гэж
бичсэн захидлуудыг нь одоо уншихад аймаар хүнд. Багшийнхаа сэтгэлийг зовоохгүй
гэж бичсэн захидлаа дарж дарж надад хүнээр бөөнд нь явуулсан байдаг юм.

-Сүүл үеийн
шавиудаа нэрлэвэл…

-Яруу найрагч
М.Хангал, Ч.Өсөхболд, Б.Дашравдан, Д.Сосорбарам, Лхагвасүрэн нарын олон шавь
бий. Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийнхний хэд хэд нь миний шавь нар гэхээр сайхан
санагддаг. Монголын радиогийн сэтгүүлч, хүүхдийн зохиолч Пүрэвсүрэн манай
дугуйлангийн тухай нэвтрүүлэг бэлтгэхдээ “МЗЭ-ийг алтан гургалдай гэвээс түүний
нэг өд нь Мандахсан багшийн төрүүлсэн “Уран-Өд” дугуйлан юм“ гэж тодорхойлсон
нь сэтгэлд тод байдаг.

-Ломбын Нямаа
гэдэг мундаг сэтгэгч зохиолч Хан Хэнтийн яруу найргийн дэг сургууль гэдгийг бий
болгосон байдаг даа. Таныг бас Эрдэнэтийнхний дэг сургуулийг тэргүүлэгч гэж
хэлж болно биз?

-Ломбын Нямаа
маань маш олон шавь төрүүлсэн аргагүй л түүчээлэгч зохиолч. Их соён
гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн хэлсэн “Шинэ зохиолч төрүүлнэ гэдэг шинэ тив
нээсэнтэй адилхан” гэсэн үг надад их гоё санагддаг юм.

-Утга зохиолын
аваргуудтай аль хэр ойр байна даа?

-Эрдэмтэн зохиолч
Лувсандамбын Дашням, их найрагч Дамдинсүрэнгийн Урианхай, ардын уран зохиолч
Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Шаравын Сүрэнжав нартайгаа сэтгэл
ойрхон л байдаг. Сүүлийн үед Сүхбаатарын яруу найрагч Амартайван, соёлын
гавьяат зүтгэлтэн адуун хийморьтой найрагч Ай.Төмөр-Очир нартайгаа ойрхон байна
даа.

-Сансрын
нисгэгч Гүррагчаа баатар маань ангийн багшийндаа их ирнэ биз?

-Ирнээ ирнэ. Энэ
жил гэхэд хоёр гурван ч удаа уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө гэхэд багштайгаа
авахуулсан баахан зургийг угаалгаад бие хүнээр өгөөд явуулж. Монгол хүн сансарт
ниссэний 30 жилийн ой дөрвөн жилийн өмнө болоход Оросын болон бэлтгэл монгол
нисгэгч андуудаа бүгдийг дагуулаад муу багшдаа ирсэн. Монголд байтугай дэлхийд
нэрээ гаргасан шавийнхаа буянд тэр олон гайхамшигтай уулзаж учирна гэдэг
үнэхээр сайхан байсан. Юмны учрал ерөөл гэдэг ийм гоё юм.

-Хөгжмийн
зохиолч Ц.Чинзориг агсныг таны шавь гэж сонсож байсан юм байна. Та хоёр хэр
ойрхон байв?

-Шавиар барахав,
бурхан минь. Тэр хүнтэй чинь багш шавь гэхээсээ илүү бүүр ойрхон, бараг ах дүү
шиг явсан. Чинжигийн эгч Цэнд-Аюуш гэж хэл-уран зохиолын багш бид нэг сургуульд
хамт ажиллаж байсан. Чинзориг багаасаа л шүлэг зохиол сонирхож манайхаар их
ирнэ. Хойно оюутан байхдаа авахуулсан гоё зургаа гарын үсэг зурж бэлэглэсэн нь
одоо надад байдаг юм. Тэр жил нэг зуны амралтаараа давхиж ирээд “Багш аа, би
хөгжмийн зохиолч болсон шүү. Танд дуу болчихоор шүлэг зохиол байна уу” гэлээ.
Би шүлэг найргийн баахан гар бичмэлээ үзүүллээ. Тэрэн дотроос “Хонхот
хүүхэлдэй” шүлгийг аваад “Энэнд л ая хиймээр байна, хөгжим байна уу” гэж байна.
“Ямар юмных нь хөгжим байхав” гэсэн чинь манай баруун айлын Мооёо эмчийн
хүүхдүүдийн гитарыг гуйж авчраад пингийн үүдэнд товшоод байсан юм. Тэгсэн
удалгүй “Багш аа, ая хийчихлээ, хүрч ирээд сонс доо” гэлээ. Яваад очвол
гудамжинд тоглож байсан хүүхдүүд нөгөө Чинжигийг чинь тойроод суучихсан

“Хонхот
хүүхэлдэй дуугаа дуулаад

Хоёр тийшээ
найган ганханаа

Жин жин жин
жин жин жингэнээхэй

Бөн бөн бөн
бөн бөн бөндөгнөөхөй

Дон дон дон
дон…

Жин жин жин
жин…

Хонхот
хүүхэлдэй дуугаа дуулахаар

Хойд айлын
хүүхдүүд цугларнаа…”

гээд аль хэдийнэ сурчихсан дуулж байдаг юм. Тухайн үед ч “Хөөрхөн болж л” гэж
бодож байлаа. Анх Могодод дуулагдаж байгаад хожим хотод түгсэн дээ. Түүнээс
хойш “Үүлэн цэнхэр хангай”, “Учран золгохын ерөөл” дуунууд нь гараад ирэхээр л
үнэхээр мундаг хөгжмийн зохиолч юм байна гэж бодож эхэлсэн дээ. “Зүүдний говь”
дуу нь гэхэд байгалийн гоо сайхнаас илүү хүний дотоод сэтгэлийг ямар яруухан
гаргасан гэж санана. Яг л үүлэн дээгүүр нисэж буй мэт сэтгэгдэл төрдөг юм шүү.
Чинжигийг дагаж яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ, Сүхбаатарын Батмөнх,
Шагдарын Уянга, хөгжмийн зохиолч Б.Шарав, Баттөмөр нар Эрдэнэтэд манайд ирж
байсан.

-Та олон ном
хэвлүүлсэн байх аа?

-“Могойт голын
модон гүүр”, “Олддоггүй охин” хүүхдийн ном, “Хүнд аялгуу”, “Навчин ай” зэрэг
яруу найргийн номтой. Харин “Үерхэл чамайг нандигнана”, “Гүзээлзгэнэ”, “Малчин
болно доо”, “Хонхот хүүхэлдэй”, “Цагтай жаал”, “Ижий дуу” зэрэг олонд хүрсэн
хэд хэдэн дуутай шүү. Одоо “Үггүй зүг” гэж яруу найргийн номоо хэвлэлд бэлдсэн.
Миний хувьд уран бүтээлийн өөдрөг бодлоор “Мандахсан гэж тэмүүлэхээс намдахсан гэж бөхийхгүй” хэмээн өөрийгөө
өдөөж хатгадаг нэгэн юм даа.

-Монголын
өнөөгийн утга зохиолын тухай санаа бодлоо хуваалцаач?

-Яруу найргийн
эрлийн олон бүлгэмүүдээс “Хөх мэдрэхүй”, “Шинэ үнэр”-ийнхэн нэлээд
зүгширчихлээ. Би энэ Гунаажавын Аюурзана гэдэг хүнийг Монголын утга зохиолд их
буянтай үйл хийсэн хүн гэж бодож явдаг. Зогсонги байдалд орчихсон утга зохиолыг
тэр л урагшлуулж, араасаа олон залуусыг дагуулахын тулд өөрөө их гэгээрч яваа хүн
юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тулай өвчин дөч гарсан эрчүүдэд ихэвчлэн тусдаг

Тулай өвчин нь голдуу дөч гарсан эрэгтэй хүнд тусдаг. Сүүлийн үед хоолны зуршил европжсоноор өвчлөгсдийн нас урьд өмнөхийг бодвол залуужиж хорь гучин насныханд ч илрэх болжээ. Тулай өвчнөөр өвчилсөн хүн үе мөчний үрэвслээр өвдөхөөс гадна бөөр юм уу тархи, зүрх судасны согог тусах тохиолдол их байдаг тул биеэ бүхэлд нь арчилж тордож байх нь чухал аж. Тулай хурц өвдөлтийн үед бусад үе мөчний үрэвслээс хүчтэй өвддөг. Мөн түүнчлэн нэг шөнийн дотор хавдаж хүндрэх нь ч байдаг гэнэ. Ойролцоогоор ерэн хувь нь нэг үенд байнга дахьдаг бөгөөд хөлний хурууны эхний үед тусах тохиолдол элбэг байдаг. Тохой, өвдөг, гарын хурууны үенд ховор тохиолдоно. Архаг тулай өвчний үед сул өвдөлт үлддэг. Тулай өвчинтэй нягт холбоотой өвчин бол хэт таргалалт, цусан дахь өөх тосны хэмжээ ихсэх, өндөр даралт, судасны хатуурал, чихрийн шижин зэрэг бөгөөд эдгээр өвчний үед цусан дахь шээсний хүчлийн хэмжээ өндөр гардаг.

Тулай өвчнөөс үүдэлтэй үе мөчний үрэвсэл нь уурган дахь пурины солилцоо муудсанаас болж түүний ялгарал болох шээсний хүчил үе мөчинд талст бий болгосноор үрэвсэл үүсгэдэг өвчин юм. Ихэвчлэн үүрээр үе мөч өвдөж сэрдэг бөгөөд үе мөч улайн хавдаж хүчтэй өвддөг. Ийм өвчтэй хүн амьтны дотор эрхтэн, чөмөг, тархи, загас, сам хорхой, шош зэрэг пурин элбэг агуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн идэхийг чанд хориглох хэрэгтэй.Тос, чихэр, давс багатай зүйлс идэхийг эрхэмлэж, зохих хэмжээний уураг элбэгтэй хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Буцалсан ус ахиухан уух сайн ч бөөрний чадавхи муудсан хүн болгоомжтой хандах хэрэгтэй гэнэ. Хамгийн гол дэглэм нь архи уухыг цээрлэх.

Ялангуяа шар айраг, айраг, кофе, цай зэргийг бага хэрэглэж, халуун ногоо зэрэг өдөөлт ихтэй хүнсний зүйл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ойр ойрхон шинжилгээ өгч, биеийн жингээ тогтоон барьж, тураах дасгал, биеийн тамирын дасгал бэлтгэл хийн, биеийнхээ дархлааг нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна.