Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ес эхэллээ

Монголчууд өвлийн улирлын
оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг,
өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав
гэж хуваадаг. Тэгвэл өнөөдөр нялх гурван ес эхэлж байна. Ес, есөн хоногоор тоолж,
81 хоногийн ард гарч монголчууд хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт
өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад
гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг.

Өвлийн ес эхлүүт мал ахуйгаа
адгуулан хариулах үйлд ч бас өөрчлөлт орж, үслэг зузаан хувцас хунараа өмсөн хээрийн
бэлчээрт явах нь ихэсдэг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн
ес гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, өвлийн
туйлын өдрөөс буюу арванхоёрдугаар сарын 22
ны өдрөөс
эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн
ес” хүртэл тоолдог байна. Тиймээс ч энэ ес болгоныхоо шинжийг “нэг есд нэрмэл архи
хөлдөнө”, “хоёр есд хорз архи хөлдөнө”, “гурван есд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө”,
“дөрвөн есд дөнөн үхрийн эвэр хөлдөнө”, “таван есд тавьсан будаа хөлдөхгүй”, “зургаан
есд зурайсан зам гарна”, “долоон есд довын толгой борлоно”, “найман есд нял шал
болно”, “есөн есд ерийн дулаан болно” гэлцэн хаврын сарыг хүлээн хоног тоолдог уламжлалтай
билээ. Өнөөдөр хэдийгээр өвлийн ес эхэлж байгаа ч өдөр уртасч, шөнө богиносох үе
давхцан ирж байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

“Шинэ үсгийн багш” киноны Дунжидмаагийн дүрээр хүмүүс намайг анддаггүй

Шинэ үсгийн багшкиноны Дунжидмаагийн дүрээр түмний хайртай жүжигчин болсон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Болормаатай уулзаж ярилцлаа.

Театрынхаа шинэ жилийг зохион байгуулах комисст ороод зав муутай байна гэсэн. Танайхан шинэ жилээ ер нь яаж тэмдэглэдэг улс вэ?

-Монголчуудын хүсэн хүлээж, сэтгэл сэргээдэг баярын нэг нь шинэ жил. Хүн бүхэн л шинэ жилээ аятайхан тэмдэглэхийг боддог. Манай театрын хамт олон ч шинэ оноо сайхан угтъя гээд баяраа тэмдэглэх гэж байна. Манайхан аливаа нэг баяраа тэмдэглэхдээ уран бүтээлд ороогүй жүжигчдээ дайчилдаг. Энэ удаагийн шинэ жилийн комисст ажиллалаа. Үнэхээр их ажилтай байдаг юм байна. Сайхан зохион байгуулахын тулд уран мэхээ уралдуулна гэдэг шиг л зүтгэж байна даа.

Гаднаас урлагийнхныг урьдаг юм уу, өөрсдөөсөө номер гаргах уу?

-Урлагийнхан чинь баяр болохоор сэтгэл их хөөрдөг. Өөрсдийгөө үргэлж л харж, хамтдаа ажилладаг болохоор гаднын дуучид, жүжигчдийн үзвэр мэдээж сонирхолтой л доо. Гаднын уран бүтээлчдийн ханш жигтэйхэн өндөр байдаг юм байна. Тиймээс тайз, хувцас хунар ашиглаж болно, жүжигчдийг рекламанд тоглуулна гэхчилэн харилцан бартераар тохиролцож байна даа.

Б.Болормаа хоёр настайдаа ээжийн хамт

Жүжигчин мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Би зургадугаар арван жилд сурч байсан юм. Аравдугаар анги төгсөх жил театраас мундаг том жүжигчид ирээд л жүжигчний сургуульд явуулах хүүхдүүдийг шалгаруулж байлаа. Манай ангиас үзэгчдийн сайн таних “Харц” нэвтрүүлгийн хөтлөгч Ургамал бид хоёр сонгогдсон юм. Тэгээд Драмын театр дээр очиж шалгалт өгч тэнцээд 15-уулаа Эрхүүгийн бэлтгэлд очиж, тэндээсээ Москвагийн театр урлагийн дээд сургуульд явсан. ЗХУ-ын ардын жүжигчин А.Д.Папанов гэдэг хүний удирдлага дор бид таван жил суралцаж төгссөн. Одоо театрт ажиллаж байгаа нь Жагаа, Урнаа бид гурав. Миний хувьд багаасаа л дуу бүжгийн дугуйланд явдаг ангийнхаа урлагийн үзлэгийг авч явдаг хүүхэд байсан. Ер нь багаасаа л урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан юм. ЗХУ руу сургуульд явуулах хүүхэд шалгаруулж байна гэхэд нь хүртэл бөөн баяр, бараг хамгийн түрүүнд л очоод шалгуулсан.

Гэр бүлд тань танаас өөр урлагийн хүн байдаг уу?

-Аав минь намайг эмч болгоно гээд ээж минь харин өөрийнхөө хүслээр л мэргэжлээ сонго гэдэг байсан. Манай аавын төрсөн дүү нь Батсүмбэрт клубийн эрхлэгч. Тэр ах маань намайг их хөглөж өгсөн. Ах өөрөө хөгжим тоглоно, дуулна, бүжиглэнэ. Жаахан байхдаа ахыгаа клубт очиж их харна. “Ишиг” бүжгийг бүжиглэх их дуртай. Бүжгийн хувцсыг хүртэл ах маань хийж өгдөг байсан. Тэр бүжгээрээ би алтан медаль авч байлаа. Сургуульд орохоосоо өмнө л урлагаар амьсгалчихсан байсан даа.

ТаныгШинэ үсгийн багшкиноны Дунжидмаагийн дүрээр олон түмэн сайн мэднэ. Энэ кинонд тоглохдоо хэдэн настай байв?

-“Шинэ үсгийн багш” үнэхээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон, үргэлж гарч байдаг хөөрхөн кино болсон. Киноны зохиолыг бичсэн Жамбалдорж гуай, Урлагийн ажилтны холбооны дарга байсан Тунгалаг эгч нар анх утсаар ярьж дуулгасан. Зохиолыг нь уншаад үзтэл хөөрхөн дүр байсан. Б.Бадрууган гуай найруулагчаар ажилласан. Ерэн найман онд хийсэн кино гэхээр би гучин гуравтай байсан юм байна. Гудамжинд явж байсан ч, таксинд суусан ч тэр Дунжидмаагийн дүрээр минь хүмүүс таниад байдаг юм. Ямар ч байсан Сэлэнгээ эгч, Баатархүү ах, Хүрлээ гавьяат, Тунгаа эгч гээд олон сайхан уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа одоо ч баяртай явдаг юм. Эргээд дурсахад киноны зохиолч Жамбалдорж гуай, найруулагч Бадрууган гуай өнөөдөр бидний дунд байхгүй байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг. Киноны зураг авалт Завханд хийгдэж байлаа. Тухайн үед Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин байдлаар бахархаж, баярлах сэтгэл маш их төрсөн. Гадаадад хэдэн жил амьдрахад “Чи зурагтаар гарч байна” гэж ярина. Юу гарч байна гэхээр “Шинэ үсгийн багш” гэдэг байсан нь сайхан санагддаг байсан. Ард түмэнд тоглосон дүрээрээ танигдана гэдэг жүжигчин хүнд олдошгүй сайхан хувь заяа. Дунжидмаа тийм дүр болсонд баяртай байдаг даа.

Та дэлгэцэнд анх ямар кинонд дүр бүтээв?

-Жигжидсүрэн гуайн найруулсан “Алтан шонхор” киноны Арлунгоогийн дүр. Ангийнхаа Жаргалсайхантай хамт тоглож байлаа.

Өөр олон кинонд тоглосон уу?

-Зохиолч Д.Маам гуайн бүтээлээр хийсэн М.Нямгаваа найруулагчийн “Газар шороо” киноны Дагдангийн эхнэр Долгорын дүр байна. Хангай Базарын дүү шүү дээ. Ер нь хорь гаруй кинонд тоглосон. Зохиолч Далхаагийн Норовын “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд цэргийн хүний гэргий болж ирдэг дээ. Бат-Өлзий ах, Сарантуяа эгч хоёр хийсэн кино шүү дээ. “Нүцгэн уулын бэлд” гэж миний тоглосон кино бий. Шаравдорж найруулагчийн “Хүслээр болдоггүй хорвоо” гэж арван жилийн хүүхдүүдийн тухай кинонд тоглож байлаа. Харамсалтай нь 32 мм-ийн хальсны аппаратаар хийгдсэн энэ киноны плёнкны хагас нь Кино үйлдвэрээс алга болчихсон гэж яригддаг юм.

Бавуугийн Лхагвасүрэн гуайнТамгагүй төржүжигт анх удаа тоглож байсан санагдах юм?

-Энэ жүжгийг ерэн найман онд Найдандорж найруулагч тавихдаа жүжигчдийн дунд уралдаан зарлахад Цэцэр хатан, Өргөл хатан хоёрын дүрд тэнцэж, хоёр дүрд тоглож байсан. Жүжигчин хүн сэтгэлдээ нийцсэн дүрээ аваад зүүдэлж байж хүртэл амилуулдаг л даа. Цэцэрийг бүтээхэд тэнгэрлиг сэтгэхүйд автаж байсан. Театрт тавь гаруй дүр бүтээсэн байна.

Монголд театрын урлаг орших уу, эс орших уу гэгдэж байсан үед та алтан тайзандаа үнэнч үлдсэн цөөхөн жүжигчний нэгийн хувьд хэлмээр зүйл их байдаг уу?

-Москвагийн Театр урлагийн их сургуулийг наян долоон онд дүүргэж ирээд театртаа ажиллаж эхлэх үед өөрчлөн байгуулалтын дуулиан дэгдэж, улс орон үймж эхэлсэн. Үзэгч ховордчихсон, нийгмийн байдал эвгүйдчихсэн үед ард түмнээ гэгээрүүлэх юмсан гэсэн бодлоор тайзан дээрээ тавигдсан олон уран бүтээлд дүр бүтээж байсан даа.

Жүжигчин хүний залуу нас, гоо үзэсгэлэн гэдэг олон түмний хайр хүндэтгэлд умбаж байх гайхамшигтай хувь заяатай байдаг. Бүхэл бүтэн арван жил гэдэг уран бүтээлч хүний хувьд тийм ч бага биш цаг хугацаа. “Жүжигчин Болормаа хаачивгэж үзэгчид үгүйлж байсан нь лавтай. Гадаадад ажилласан он жилүүддээ та харамсдаг уу?

-Үнэхээр тэгж үгүйлэгдэж байсан бол маш их баяртай байна. Хүний амьдралын арван жил гэдэг бага хугацаа биш. Гэхдээ би орчлонд эмэгтэй хүн болж төрснийхөө хувьд хоёр сайхан үрийн эх болсон заяандаа баярладаг. Хоёр үрийнхээ сайн сайхан ирээдүйд тус нэмэр болох гэж хүний нутагт арван жилийг өнгөрөөж. Хоёр хүүхдийнхээ төлөө ид гялалзаж, хийж бүтээх насандаа Америкийг зорьсон. Энэ хугацаанд хамт олноо, алтан тайзаа үгүйлж, санаагүй өдөр хоног гэж надад байгаагүй. Үзэгчдийн өмнө алга ташуулан хүндэтгэлд умбаж явсан хүн хэлийг нь мэдэхгүй хүний нутагт бичиг баримтгүй, хараар янз бүрийн ажил төрөл хийж явна гэдэг бэрх л байсан. Магадгүй, дээд тэнгэр намайг тийш илгээж, ажил амьдрал сургасан байхыг үгүйсгэхгүй. Харьд өнгөрүүлсэн тэр л үе надад гэрэл гэгээ нэмж, ертөнцийг таниулан, ухаан нэмсэн гэж боддог. 2001 онд би гавьяат жүжигчинд тодорхойлогдоод алтан гадас одонгоор энгэрээ мялаасан. Алтан гадас одонгийнхоо мялаалгад зориулж гаргасан “Ботгон хэлхээ” шүлгийн дэвтрээ харж байхад миний амьдрал уйтгартай байсан юм билээ. Америкт очоод бичсэн шүлгүүдээ харахад үр хүүхдэдээ үлдээж хэлэх гэсэн хайрын үг, найз нөхдөө хайрласан, хүн хүнээ хүндэтгэсэн сэтгэл минь миний хувьд гэгээрэл болсон гэж бодогдоод байгаа.

Охиныхоо хамтШинэ үсгийн багшкинонд тогложээ.

Та хүний нутгийг зорихоосоо өмнө сэтгэл чинь гунигт аястай байсан гэлээ. Хүний амьдралд гуниг, баяр мөнхөд л ээлжилж байдаг даа?

-Намайг арван естэй байхад миний ээж гучин есхөн насандаа өнгөрсөн юм. Ээжийг бурхан болсноос хойш л миний сэтгэлд шүлэг төрөх болсон. “Ээж минь яасан залуухан явчихав даа, амьдад нь баярлуулах минь яав даа” гэсэн харамсал минь шүлэг болж бууж байж. Тэр үед би нэг нялх охиноо ч алдчихаад сэтгэл их хэцүү байсан. Энэ гунигаа л цааснаа буулгаж байсан даа.

Гунигтай зүйл асууж таныг ч, өөрийгөө ч зовоож орхилоо. Гэхдээ амьдралд гэрэл гэгээ нь илүү байдаг даа. Эх орондоо ирсээр олон ангит кинонд ч тоглоод, уран бүтээлийн хувьд олз омог сайтай л байна даа?

-Ирснээсээ хойш “Огцом эргэлт” киноны Хатанзулын дүрийг бүтээлээ. Нийгмийн төлөө гэсэн сэтгэлтэй, хувь хүний маань амьдралтай ойрхон дүр байсан. Жижиг сажиг уран бүтээлүүд бол нэлээд их байлаа. Яг одоогоор би кино зохиол, бас нэг роман бичиж өнгөрөгч долоодугаар сард дуусгалаа.

Ямар роман бичив?

-Яг нэрийг нь өгч амжаагүй л байна. Ямар ч байсан л дуусгачихаад сэтгэл хөөрөөд байгаа.

Юун тухай өгүүлэх вэ?

-Хүн улс үүсэхээс өмнөх үед их нүүдэл явсаар Америк тивд очиж байгаа тухай өгүүлэмжтэй.

О.Намнандорж нарын түүхчид индианчууд монголчуудаас үүсэлтэй гэсэн онол дэвшүүлсэнтэй ойролцоо агуулгатай роман байх нь ээ?

-Би түүхч хүн биш л дээ. Америкт ресторанд ажиллаж байхад надтай адил царай төрхтэй хүн их орж ирнэ. Тэгэхээр нь “Чиний судсаар монгол цус урсаж байгаа шүү” гэхээр үнэн голоосоо “Тийм шүү” гэж хариулна. Өдрийн 12 цагийн турш ажиллахдаа юу эсийг бодохов. Боов боодог бор цаасан дээр романаа бичиж эхэлсэн л дээ. Би бөө удганы тухай ямар ч мэдэгдэхүүнгүй. Тэгсэн мөртлөө надад хэн нэгэн хүн хэлж өгч бичүүлээд байгаа юм шиг санагддаг байсан. Жүжигчин хүн болохоор дүрүүдээ уран сайхны аргаар гайгүй амилуулчихлаа л гэж бодоод байгаа.

Танд бөө удганы ямар нэгэн уг удам байгаа юм биш биз дээ?

-Надад бөөгийн уг удам байхгүй гэж бодож байна. Монгол хүн болохоор биднийг харсан тэнгэр байгаа гэж бодож тэнгэртээ цай сүүнийхээ дээжийг өргөж л явна.

Шинэ жилээр аавдаа шарсан өвчүү аваачиж өгч баярлуулах дуртай гэж сонссон. Аав чинь ямар алба хашдаг байв?

-Би эхээс хоёулхнаа. Нэг эмэгтэй дүүтэй. Эжий минь их залуухан өнгөрсөн. Миний аав чинь Хотын эвлэлийн хорооны нэгдүгээр дарга байсан Батсүх гэж хүн байна. Хотын намын хорооны үйлдвэр хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Аав минь нам төрийн том алба хашиж байсан зарчимч хүн. Эх эцгээс өвлөсөн зөв хүмүүжил ямар ч алт эрдэнэсээр сольшгүй үнэт өв хөрөнгө л гэж боддог доо.

Хотын унаган хүүхэд тэр Дунжидмаа бүсгүйн дүрийг сэтгэлд хоногштол бүтээнэ гэдэг авьяаслаг жүжигчин хүний л гайхамшигтай чадвар юм даа?

-Жүжигчин хүний бусдаас ялгарах нэг онцлог гэвэл дүрээрээ дамжиж цаг хугацаагаар аялдаг. Бид дүрээрээ дамжуулж ээж байх, хань байх, хүн байхын жаргал зовлонг бие сэтгэлээрээ мэдэрдэг. Тэр дундаа монгол хүн дасан зохицох, хөрвөх чадвараараа бусад үндэстнээс хавьгүй дээгүүр гэж би боддог. Би Америкт байхдаа Белла нэртэй байлаа. Миний хариуцсан ширээнд хүмүүс суух дуртай байсан нь монгол хүний л нөгөө хөрвөх чадвартай холбоотой гэж боддог. Бусдын хайрыг татаж, итгэлийг даана гэдэг монгол хүний л чадвар. Гэхдээ яг Дунжидмаагийн дүрийн хувьд Батсүмбэрт дөрөвдүгээр ангид ортлоо амьдарсан болохоор тийм ч хол хөндий байгаагүй л дээ. Дөнгөж төрөөд зургаа хонож байхад л аавынхаа ээж дээр очсон хүн. Худгийн хүйтэн усаар юм угааж, авга ахын таван хүүхдийг өсгөж, бэр эгчийн алганы амтыг үзэж, ажил сурч өссөн хөдөөгийн хүүхэд шүү. Тиймээс одоо ч Батсүмбэрээр овоглож явдаг шүү дээ.

Америкт байхдаа жүжиг найруулж тайзнаа тавьсан гэж сонссон юм байна?

-Тэнд байхдаа “Би хэн бэ” гэдэг жүжгийн зохиол бичсэн. Найруулагчаар нь Алтанбагана маань ажилласан. Энэ жүжиг ерөнхийдөө “Монголчууд минь, эх орон чинь үүдээ дэлгээд та бүхнийг хүлээж байгаа шүү” гэдгийг сануулсан, уриалсан сэдэвтэй юм. Жүжгээ хэд хэдэн хотоор явж монголчууддаа тоглосон. Тухайн үед найруулагч Машбат ах, УГЖ Батцэцэг эгч хоёр үзээд их урам өгсөн. Энэ жүжгийг үзээд олон монгол залуус эх орондоо эргэж ирсэн гэж надад хэлж байсан.


Categories
мэдээ цаг-үе

Зохиолч Г.Аюурзана өөрийгөө “маньяк” уншигч гэж тодорхойлов

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн Аюурзанатай өчигдөр уншигчид уулзаж олон сонирхолтой асуултын хариу авав. Ном шимтэн унших дуртай шинэ үеийн төлөөллүүд эрхэм зохиолчоос бүтээлээ хэрхэн туурвидаг, амьдрал, аз жаргалын үнэ цэн, цаашид ямар зохиол бичиж байгаа бол гэхчилэн олон зүйл асууж хөөрөлдсөн. Сайн уншигч байх тухайд Г.Аюурзана “Уншигч гэдэг маш чухал ойлголт. Өнөөдрийн уран зохиолд уншигч бол анхны өдөөгч нь гэж үзэж байгаа. Жинхэнэ уран зохиол үндсэндээ зохиогч хийгээд уншигчийн оюун санаанд өрнөдөг үйл. Би нэг ном авлаа гэж бодоход тухайн номын жинхэнэ мөн чанар нь хэвлэж дэвтэрлээд гаргачихсандаа биш харин уншигч юуг оюун санаандаа тусгаж авч буйгаар хэмжигдэнэ. Уран зохиолын тухайд хамгийн гол нь уншигчидтай байх. Уншигч сайн байхгүй бол уран зохиолын тухайд ярих зүйл байхгүй. “Мөр хооронд унших” гэсэн ойлголт байдаг. Ийн мөр хооронд уншихдаа мөр хоорон дахиас цаашихыг олж харж уншина гэдэг магадгүй Зэнтэй төстэй нандин ойлголт. Зохиогч хүний бий болгосон ертөнц уншигчийн сэтгэлд шинээр бий болдог. Ном унших нь кино үзэхээс юугаараа давуу вэ гэвэл уншигч өөрөө өөртөө найруулагч болж төсөөллийн дүрийг амилуулж чаддагаараа илүү. Театрт очлоо гэхэд хэн нэгэн найруулагчийн оюун санаагаар бүтсэн зүйлийг л харах хэрэгтэй болдог. Харин уншигч байна гэдэг өнөөдрийн оюун санааны ертөнцөд зохиогч байхаас ч илүү бүтээлч үйл” гэв.

Харин зохиол бүтээлээ өглөө бичдэг, орой сууж туурвидаг эсэх, бүтээл туурвихад онгод, зохиолчийн хөдөлмөр хоёрын аль нь чухал вэ гэсэн асуултад “Тэг дөрвөлжилж хэрчсэн цаас хэрэглэхгүй бол бичиж чаддаггүй гэх зохиолч байдаг. Ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн яриаг зурагтаар сонсож байхад ширээгээ заавал ч үгүй цэвэрлэж байгаад бичдэг гэж байсан. Би өөрийгөө яаж бичдэг юм бол гэж бодож байгаагүй. Ер нь нэлээд олон ном бичсэнийхээ дараа анзаарч байхад өвлийн цагт их бичдэг юм билээ. Шөнө суугаад өдөр унтах нь надад илүү ойр байдаг. Гэхдээ үдээс хойш хүртэл унтах биш үдийн 12 цаг хүртэл л унтдаг. Шөнийн хоёр гурван цагийн үед илүү сайн бичээд байх шиг санагддаг. Хүүхдүүд маань балчир байхад садаа болдог учраас тэгж шөнө дунд сайн бичдэг байсан байж магадгүй. Онгодын тухайд гэвэл яруу найрагч хүнд онгод яах аргагүй байдаг. “За, шүлэг бичье” гээд шууд суудаг яруу найрагч байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд зүгээр явж байтал цэгцэрчихсэн мөр бадаг санаанд ороод ирдэг. Тэрийгээ тэмдэглэж байтал шүлэг болчихдог. Гэнэт орж ирж байгаа мөрүүд төрж байгаа тэр мөчүүд онгод байж магадгүй. Та бүхэн миний “Хар цагаан улаан” романыг уншсан байх. Энэ романд Намаржаан гэж туульч гардаг даа. Тууль хайлж байгаа хүн бол зүгээр нэг жүжигчин хүн биш. Тууль хайлахад онгод зайлшгүй чухал. Роман бичихэд онгод гэхээсээ илүү төлөвлөгөө, туршлага, хөдөлмөр, уран зохиолыг ойлгосон хэм хэмжээ чухал” гэж байлаа.

Зохиол бичнэ гэдэг ажил, амралтын алин болох тухайд “Сэтгэл зүрх нь дургүй байхад өөрийгөө албадаад бичээд байдаг зохиолч ертөнцөд байдаггүй байх. Бичмээр санагдаад бичдэг. Тэр үедээ жаргалтай байдаг. Ийм жаргал амьдрах хэв маяг минь болчихсон. Би юм бичих, унших хоёрт л дуртай. Гурил зуурах ч юм уу, бусад ажилд тийм ч дуртай биш. Хамгийн дуртай унших, бичихээ хийгээд байж байна гэдэг ажил, амралтын аль нь болохыг би хэлж мэдэхгүй л дээ” гэж хөнгөхөөн хариулчихав. Энэ нь Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатовын “Амралт минь, амраадаггүй ажил минь яруу найраг” гэсэн шүлгийг эрхгүй сануулж байсан. Зохиолчид маань байнга дэрэн дээрээ ойр байлгаж сөхөж хардаг ширээний ном огт байдаггүй гэнэ. Аюур зохиолч харин уншигчийн хувьд өөрийгөө “маньяк маягийн” гэдгээ хүлээн зөвшөөрөв.

Тэрээр дуртай номоо нэг л бариад авбал унд хоол, унтах нойроо ч умартан ганцхан уншилтаар шудраад дуусгадаг аж. “Бөөгийн домог” романаа бичихдээ Байгаль нуурыг гурван өвөл зорьсон зохиолч бөө нарыг яруу найрагчид, эртний оюун санааны эрч хүчийг онгодоор дамжуулагч, хэрвээ бөө байгаагүй бол монголчууд өнөө байхгүй гээд үүнийгээ “Эргүнэ хунгийн домог”, Алунгоогийн домогтой холбон тайлбарлав. Бичиг үсэггүй балар үеийн мэдээллийг өнөө үед хүргэж ирсэн уран бүтээлчид бол зохиолчийнхоор бөө юм байна. Тэрээр өвөөгөөсөө илүү жинхэнэ монгол хүн аж. Яагаад гэвэл өвөөгийнх нь аж төрж асан цаг үед “Монголын нууц товчоо”-г мэддэг хүн байгаагүй болохоор оюун санааны хувьд өөрийгөө ийн тодорхойлов бололтой.

Монголоос Нобелийн шагналтан төрөх болов уу гэсэн асуултад “Нобелийн шагнал сүүлийн арваад жилд өмнөхөөсөө ч илүү улстөржих болсон. Магадгүй Хятад орж ирээд Монголыг авчихвал Нобелийн шагнал өгч мэднэ. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн утга зохиолын дээд түвшнээс Монголын уран зохиол харьцангуй доогуур” гэж хариулсан. Өгүүллэг бичих яруу найрагтай адил сэтгэлд хурдан төрж, цааснаа буудгийг тэр хэлж байна. Саяхан хэвлэгдсэн “Дурлал зохион бүтээгч” түүврийн өгүүллэгүүдээ романуудаа бичиж байхдаа тэмдэглэсэн санаанууд гэдгийг нуусангүй. Яруу найрагч бүхэн хувь тавиланд итгэгч байдаг. Сүүлийн дөрөв таван жилд шүлэг бичихээ больсон ч романуудад нь яруу найраглаг чанар байгааг тэр хүлээн зөвшөөрсөн.

Аз жаргалын тухайд “Жаргалтай байна гэдэг өөрөө ойлгомжгүй асуудал. Жаргалыг ахуйн хэмжүүрээр хэмжих, эсвэл оюун санаагаар тодорхойлох уу. Энэ их хэцүү. Аз жаргалын хэмжүүрүүд зөрдөг. Зөрүүтэй хэмжүүрүүдийг нэгтгэх боломжгүй. 6-гийн тоог биччихээд хоёр талаас нь хараад нэг нь ес, нөгөө нь зургаа гэж тайлбарладагтай адил. Хэмжүүрүүдээ цэгцэлж чадахгүй байж аз жаргал гэж тийм юм гэх нь утгагүй” гэсэн юм. Тэрээр одоо “Монголын нууц товчоо”-ны тухай томоохон бүтээл хийж байгаа аж. Сүүлийн дөрвөн романаа бичиж байхдаа бусдын юмыг бараг уншаагүй гэв.

Тэрээр “Юу бичих вэ” гэх залууст “Зүүдээ л бич” гэж зөвлөдөг гэж байгаа. Өөрөө ч нэг хэсэг зүүдний тайлал хийх сонирхолтой байжээ. Банхар ноход тэжээж байгаа ч хэд хэдэн нохойгоо алдаад сэтгэл ихэд эмзэглэх болжээ. Алдагдсан нэг гөлөг нь нүднээс гарчихсан байхыг харах шиг хэцүү зүйл байхгүй гэсэн нь сэтгэл ариун яруу найрагч, уран бүтээлчийн шаналан гэлтэй санагдсан. Зохиолч-уншигчийн уулзалт өндөрлөх үед “Аз хур” номын их дэлгүүрийн зүгээс Аюурзана зохиолчид өөрийнх нь нэрийг бичсэн үзгийг бэлэглэж, шүтэн бишрэгчид нь худалдан авсан номууд дээр гарын үсэг зуруулан, хамтдаа зургаа татуулан халуун дулаан сэтгэгдэлтэйгээр нэгэн сайхан үдийг үдлээ.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Тангадын МАНДИР: Кирил бичиг бол монголчуудын оюун санааны дархлаа юм

Зохиолч, зураач, түүхч Онход Тангадын Мандирыг “Хорин нэгэн хөрөг” түүх-уран сайхны ном, “Саран зэв” түүхэн туужаар нь уншигчид сайн танина. Түүний “Түгшүүрт аялал” туужийн талаар ардын уран зохиолч С.Дашдооров “Энэ номыг “Говийн өндөр” романтайгаа харьцуулж уншаад өөрийгөө жаахан голлоо. Бид зохиол бичнэ гэж оромддог, монгол хэл, хэрсүү бичлэг, гярхай дүрслэл бидэнд байхгүй юм байна. Манай үргэлжилсэн үгийн зохиол ер нь Ринчен гуайн хэлдгээр сонины гүехэн цагаан хэлээр бичигддэг юм байна. Харин Мандир өөрөөр бичиж. Түүнд ирээдүй байна” гэсэн байдаг бол төрийн шагналт эрдэмтэн-зохиолч Ш.Гаадамба “Хорин нэгэн хөрөг” зураглал өгүүллэгүүдийн дотор өгүүлэгдэж буй “Монголын нууц товчоо”-ны түүхт хүмүүсийн тухай “Түүхийн товчоо” гэсэн лавламж мэдээллийн зурвас оруулж бичсэн нь…өгүүллэгийн байгууламжийг сонирхолтой болгосон хэрэглүүр нь мөн тул үүнийг үлгэрлэн хэлбэл уран баримлыг тогтоох яс мод, гол төмөр гэж ойлговоос зохилтой. Эдгээр хорин нэгэн зураглалыг Монголын түүхэн ойллого бичиг, сонгодог бичгийн үг хэлний найруулгаар зохиож, түүхэн хүмүүсийн үг хэллэгийг тухайн үед үнэхээр ийм хэл найруулгатай байсан болов уу гэж үнэмшигдэхээр байгаа нь манай уран бүтээлчдэд тустай болно” гэж үнэлэн бичсэн байдаг. Наяад оны сүүлчээр бичигдсэн “Хорин нэгэн хөрөг” номыг багадаа уншиж өссөн, түүхт хүмүүсийн дүрийг гайхан биширч явсан хүний хувьд Т.Мандир хэмээх эрдэм бишрэлт эгэл хүмүүний Чингэлтэйн аман дахь уран бүтээлийн өргөөнд зочилж хөөрөлдлөө.

-Танайх хотын төвөөс зайдуу, утаа униар, дуу чимээнээс ангид сайхан аж төрдөг юм байна. Уран бүтээлийн андууд чинь зорьж их ирэх үү?

-Монголын радиогийн сэтгүүлч, цаг уурч Шаагаа анд маань их ирнээ. Шагдарсүрэн гавьяат чинь миний даалууны анд байгаа юм.

-Та хэд тэгээд даалуу их тоглох уу?

-Өө бид чинь даалууны “Хас” дэвжээтэй. Анх үүсгэн байгуулсан хүн нь “Хөдөлмөр” сонины сэтгүүлч, хүүхдийн зохиолч Төмөртогоо маань байгаа юм. Цаг уураас Шаагаагаа, Сангидансран нарыгаа уруу татаад чөлөөт цагаараа тоглоно. Нийтийн хоолны газраас Хулгар Ваня, Баянхонгорын Богдоос миний нагац ах Цэрэнчангаа бид нийлж, хагас сайны үдээс хойш цуглаад нэгнийдээ очно. Тэгэхдээ бид мөрийтэй тоглохгүй. Наймуулаа байснаас одоо эдийн засагч Маам, Шаагаа бид гурав л амьд үлдлээ дээ. Ерэн хоёр онд даалууны тэмцээн хүртэл зохион байгуулж байлаа.

-Таны туурвисан “Хорин нэгэн хөрөг” ном ч алдартай шүү. Хэдэн онд бичлээ?

-“Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчлан “Хорин нэгэн зул” хөрөг-таталбарыг 1988-1989 онд сэтгүүлч Төрбаярын хүссэнээр “Улаан-Од” сонинд цувралаар нийтлүүлсэн маань цагаан морин жилийн босгон дээр “Хорин нэгэн хөрөг” нэрээр ном болж хэвлэгдсэн юм. Наян таван онд анх Чингис хаанаа бичсэн юм. Анхны уншигч маань Цэрэнчангаа ах. Сантехникийн слесарь хүн мөртлөө төрөлхийн хар ухаантай, ардын сайхан хэл сэтгэлгээтэй хүн. Дэлхий дахинд тархсан Чингис хааны хөргүүдийг судалж байж зурахад Чангаа ах “Чи эрүүндээ урт сахалгүйгээр зур” гэж зөвлөж байлаа. Тэгээд урт сахалгүй зуртал их хаан маань 1206 онд хаан ширээнд суусан дөчин таван настайгаараа төсөөлөгдөж, шууд л тэнгэрээс оюун ухаанаар минь дамжиж цааснаа амилсан. Зохиолчдын хорооны Сэлбийн амралтанд наян долоон оны намар Төмөртогоотойгоо амарч байхдаа “Боорчи”, “Өөлүн эх” гэсэн хоёр хөргөө үзүүллээ. Төмөртогоогийн нүд нь орой дээрээ гарч, тэнд амарч байсан сэтгүүлч Амбасэлмаа гуайд үзүүллээ. Тэр алдарт сэтгүүлч “Чи чинь зураач хүн гэл үү. Манай Чойном зураач, Дашдооров ч сайн зураач. Зураачдаас сайн зохиолч төрөх юм. Засаж хэрэггүй шүү. Гарах цаг нь болж уу, үгүй юу. Баяр хүргэе” гэж урам өгсөн дөө.

-Түүхийн талаасаа зөвлөх хүн хэн байв?

-Одоогийн “Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Хөгөлбөөн Лхагвасүрэн тэр үед цол ч хамгаалаагүй, эрдэм шинжилгээний залуухан ажилтан байсан. Тэр залуу А.Дамдинсүрэн, Н.Сэр-Оджав, Довдойн Баяр нартай танилцуулж, Улсын төв номын санд, түүх-археологийн музейд байгаа ховор үзмэрүүдтэй танилцуулсан нь бүхэл бүтэн судалгааны ажил болсон доо.

-Таны туурвисан хөрөг зургуудыг түүхийн ухааны доктор, академич Чулууны Далай гуай жигтэйхэн их үнэлж бичсэн дээ. Яг үг үсэгчлэн санахгүй байгаа болохоор таны амнаас л уншигчдадаа хүргэмээр санагдлаа?

-Өөрийгөө магтах ч дэмий дамшиг л даа. Аливааг мэдэж мэдрээд өөрийгөө тоох бол тэс өөр хэрэг. Тэр хүн өчүүхэн миний бүтээлтэй танилцаад “Залуу зураач Т.Мандирын “Хорин нэгэн зул” нэрээр бүтээсэн зураг, таталбаруудыг үзлээ. Доктор миний бие насан багаас өмнөд газар дипломат ажил эрхлэхийн зэрэгцээ мэргэжлийн дагуу түүхийн ном бичгүүд нангиад хэл дэх боломжийн хэрээр судалж танилцсан нэгэн болой. Өвөрмонголын Ордос ба Сөнөд нутагт Чингисийн болон Хасарын хөрөг зургийг тахьдаг уламжлал бий. Миний найз Өвөрмонголын зураач Сэцэн Чингис хаан болон Өөлүн эх, Тэмүжиний дөрвөн хүү, Бөртэ, Мухулай нарын хөрөг дүрийг бүтээснийг би үзсэн. Мандирын зургуудыг үзэхэд Сэцэнгийн зургуудаас илүү бодитой, үнэмшилтэй болжээ гэж дүгнэхдээ таатай байна” гэсэн байдаг юм. Тэр их хүн миний бүтээлийн талаар хэлсэн үнэлгээ болохоор өөрийгөө магтсан болохгүй биз дээ.

-“Хорин нэгэн зул” номд Есүхэй, Өөлүн эх, Чингис хаан, Хавт Хасар, Жамуха, Боорчи, Ван хан нарын “Монголын нууц товчоо”-нд тодорхой дурдагдсан хүмүүсээс гадна ямар түүхт хүмүүсийг товойлгож гаргахыг зорив?

-Өрлөг Зэлмэ, Хубилай ноён, Тататунга түшмэл, заргач Шихихутаг, сайд Елюй Чуцай, Сүбээдэй баатар, Зэв жанжин, Мухулай ван гээд бүгдийнх нь хөргийг түүх, уран зохиол, уран зургаар илэрхийлэх гэж оролдсон доо.

-Сүбээдэй баатрын тухай “Саран зэв” түүхэн туужаа яаж бичив?

-“Илд бамбай” хэвлэлийн газраас адал явдалт зохиолын уралдаан зарлахад зохиолч анд Н.Нагаанбуудаа “Хоёулаа оролцъё. Сар уулзахгүй шүү” гэж байгаад бичсэн бүтээл л дээ. 1992 оны долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 12-ны дотор л бичигдсэн. “Эрүүл энх” хэвлэлийн газарт анх хэвлэгдээд, хэвлэлийн газар нь дампуураад надад шагнал нь олдоогүй. Саяхан зохиолч Баасангийн Номинчимэд дүү “Монголын түүхийн гайхамшигт агшнууд” цувралаараа дахин хэвлэж өгсөн. Номын цагаан буянт Б.Авэрмэд, Л.Мөнхбаяр, Ж.Амаржаргал, Н.Энхбаяр нар цахимаар миний бүтээлүүдийг уншаад “Түгшүүрт аялал” туужийг маань хэвлэж өгч, уншигчидтай маань уулзуулсан.

-Та зохиол бичихээсээ өмнө хаа хаана сурч, ажиллаж байв?

-Аав, ээж хоёр маань Аж үйлдвэрийн комбинатын ажилчид. Намайг есөн настай байхад ээж маань бурхан болсон. Би дөрөвдүгээр ангиа онц дүнтэй төгсөөд тавдугаар ангийнхаа эхний улирлын хичээлд жаахан тааруухан дүн авчихгүй юу. Зурах үнэн сэтгэлээсээ дуртай. Аав эцэг эхийн хуралд сууж ирээд “Чамайг хичээлээ олигтой сурахгүй бол зураг зуруулахгүй” гэснээс болж дараагийн улирлаас онц сураад эхэлсэн хүн шүү дээ. Ах нь Ажилчны районы 18 дугаар сургууль төгсөөд Барилгын техникумыг Барилгын материалын төмөр бетоны техник технологич мэргэжил эзэмшсэн хүн. Төмөр бетоны үйлдвэрт ажиллаж байгаад цэрэгт явсан. Тэнд гурван жил алба хаахдаа зохиолч Н.Нагаанбуу, хөгжмийн зохиолч Л.Галмандах нартайгаа үерхэж нөхөрлөн, уран бүтээлийн найзууд болсон түүхтэй. Бидний цэргийн түүх элбэг нэг роман бичихээр шүү. Миний уран бүтээлийн багш бол Яармагийн сургуулийн хөгжмийн багш Б.Цогоо юм шүү дээ. Даг.Жамьяны “Туждаа хамт явах юмсан” дуунд сайхан аялгуу зохиосон доо.

“Төрсөн нутгийнхаа тал шиг

Түвшин аавынхаа сэтгэлийг

Түлсэн галынхаа дөл шиг

Төөнөж дандаа явах юмсан

Урсах голынхоо ус шиг

Уяхан ээжийнхээ сэтгэлийг

Уртын дууныхаа ая шиг

Уярааж дандаа явах юмсан

Буурал хангайнхаа уулс шиг

Буянтай хоёрыгоо тvшиглээд

Тулгын гурван чулуу шиг

Туждаа хамт явах юмсан” гэсэн дуу байдаг даа.

-Сайхан дуу шүү. Цогоо багшид шавь орсон гэхээр та хөгжим сонирхдог байсан юм уу?

-Үгүй үгүй. Галмандах намайг анх Цогоо багштайгаа танилцуулсан юм. Тэр хүн л анх надад “Эрдэнэт хот, багш, эмч нарын тухай гурван плакат зур” гэж зөвлөж, сэтгүүл сонинд өгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөний урд сэржим өргөж тэмдэглэж байлаа. Энэ гурван зураг “Эрүүл мэнд” сэтгүүл, “Хөдөлмөр” сонинд гарч намайг уран бүтээлчийн замд оруулсан юм. Сэтгүүлийн хуудсаас өөрийн нэрийг анх харахад дахин төрөх шиг сайхан сэтгэгдэл төрж байлаа. Тэгж л Цогоо багшийнхаа ачаар уран бүтээлийн үүдээр орсон. Гэсэр сүмийн Зүмбэр будгийн бригадад ажиллаж “Монголын Шишкин” хэмээх алдарт зураач Цэмбэлдоржийн шавь болсон. Чимэдийн Алагсай гуай намайг “Хөдөлмөр” сонины зураачаар авч, 1979-1990 он хүртэл ажилласан даа.

-Чингис хааны тухай гадаад, дотоодын маш олон кино, зураг, бүтээлүүд гарлаа. Түүхэн бүтээл дээр ажилладаг зураачийн хувьд тэдгээр Чингисүүд ямар санагдах юм бэ?

-Түүхэн ямар л бүтээл гарна тэр бүхнийг өөрийнхтэйгөө байнга харьцуулж харнаа. Уран бүтээлч хүн гэдэг орос, тува, япон, монгол гээд гарал үүсэл хамаарахгүйгээр ямар бүтээлийг туурвиж амилуулж болно. Талын хүн би гэхэд Оросын I Петр хааныг зурж болно ш дээ. Виктор Гюго, Александр Дюмагийн зохиолыг уншаад би Францын түүхийг, Вальтер Скоттын романаас Английн түүхийг мэддэг болсон. Гэхдээ түүхч хүнээс илүү мэднэ гэж юу байх вэ. Гэхдээ уран бүтээл гэдэг ийм гайхамшигтай зүйл шүү дээ. Тиймээс тэр олон уран бүтээлчийн өөрийн ертөнцөөр нээсэн Чингис хаан бүхэн заавал ч үгүй нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан байх ёсгүй л гэж боддог. Чингис хааныг монголчууд хувилгаан гэдэг биз дээ. Хувилгаан мөн юм бол чонын дүртэй ч байж болно, хонь ч байж болно биз дээ.

-Шавь нар чинь ямар хүмүүс байна?

-Нэрт шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд багш байхдаа шавь болж байлаа. Бат-Эрдэнээс ч илүү хадаг барьсан шавь маань яруу найрагч Шагдарын Уянга байлаа. Зураач, зохиолч, яруу найрагч Гүржавын Нямдоржийг Партизаны сангийн аж ахуйгаас Нагаанбуу маань олж ирж, надтай уулзуулж байлаа. Даанч Уянга, Нямдорж нар маань эрт буцчихлаа. Би тэднийгээ Монголын Пушкин ч юм уу, Лерментов гэж боддог юм. Чимэддоржийн Дунгар гэж том эрдэмтэн шавь байна.

-Таныг МЗЭ-ийн болон МУЭ-ийн шагнал, соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цолыг аль хэдийнэ авчихсан гэж бодож явсан юм. Ардын уран зохиолч Тангадын Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян гуай нар таныг “Гайхамшигтай авьяастай уран бүтээлч” гэж байсан. Та гавьяа шагналд угаасаа дургүй юм уу, эсвэл эрдэмт хүний даруу зан дийлсэн хүн үү?

-Монголын урчуудын эвлэлийн гишүүн болох гэж ардын зураач Цүлтэм гуайг дарга байхад 1986 онд өргөдөл өгсөн юм. “Сувдан сондор” аялалд 1996 онд хамт явж байхдаа Цүлтэм гуайгаас асуусан чинь “Чи чинь манайд элсээгүй юм уу, өөрөө гүйдэггүй юм уу” гэж бөөн инээдэм болсон. Ц.Энхжинг дарга байхад нэг хэлсэн. “Архив хараад хариу өгнө” л гэсэн. Одоо би дахин нэхэн өргөдөл өгөх үү, яах вэ гээд гайхаа л байгаа. (инээв) “Сэлэм Тогмид”-ын дүрийг бүтээсэн Цэрэндорж гуайгаа бурхан болоход соёлын тэргүүний ажилтны тэмдгээ жинтүүнд нь зүүг гээд нэмэрлэсэн. Талийгаач манай хашаанд амьдардаг, бид хоёр жигтэйхэн найзууд байсан болохоор гээсэн тэмдгийг нь орлуулж өөрийнхийгөө өгөхөд юу нь болохгүй байх билээ гэж бодсон. Зохиолчдын эвлэлийн батлах маань шинэ мянганы эхээр байшин минь шатахад хамт үгүй болсон. Зохиолчдынхоо хороон дээр очиход олгох байх л гэж бодож явна.

-Таныг зохиолоо бичгийн сонгодог хэлээр ч, ардын ярианы хэлээр эн тэнцүүхэн найруулга төгөлдөр бичдэг гэлцдэг. Босоо, хэвтээ хоёр бичгийнхээ алинд нь таалалтай ханддаг бол?

-Өөрт чинь нэг сонин юм ярья. Ерээд онд “Монгол бичгийн төлөө нийгэмлиг” байгуулагдаад Дорлигжав сайд Ерөнхийлөгч нь болоод сүйд болов оо доо. Нэг өдөр их эрдэмтэн Чой. Лувсанжав гуай “Чи “Хорин нэгэн хөрөг”-ийн Мандир уу. Чамайг нийгэмлигийнхээ есөн тэргүүлэгчийнхээ нэгээр сонгосон шүү” гэж утасдаж байна. Ажлаас гараад Зохиолчдын хороо руу явж байтал Ш.Гаадамба гуай аахилчихсан гүйж явна. Багш яав гэсэн чинь “Цаана чинь монгол бичгийг төрийн бичиг болгох гээд байна. Да (Ц.Дамдинсүрэн) багшийнхаа бичгийг би л хамгаалахгүй бол хэн хамгаалах вэ. Чи кирил бичгийг хамгаалах холбооны тэргүүлэгч бол” гэж тулгалаа. Зөвхөн нэг өдөр хэдхэн цагийн зайтай болсон явдал шүү дээ. Тэгэхнээ тэр хоёр холбооны аль нь ч над руу дахин яриагүй шүү. Тэр хоёр мундаг хүн надад тэгж хандсанд баярлаж л байдаг. Би бол босоо монгол бичигтээ хайртай, кирил монголдоо ч хайртай. Ганц л зүйлийг харин шударга хэлэхэд монгол бичгийг төрийн бичиг болгоход хаа ч дургүйцлээ илэрхийлнэ. Кирил бичиг бол Монголын маш том соёл. Кирилээ хаях юм бол үндсэндээ монгол сүйрнэ. Монгол бичиг Монгол Улсын оюуны соёлын дээд өв байх учиртай. Кирил бичиг бол Монголын хэрэглээний соёл байх хэрэгтэй. Кирил бичиг бол дөчин оноос хойших Монголын оюун санааны дархлаа. Хэрвээ бид энэ оюуны дархлаагаа хаячих юм бол Өвөрмонгол ч биш, буриад ч биш болж хувирна. Монгол бичгээр хүн бүхэн уншиж чадахгүй болохоор түвд бичиг шиг л болно.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өвлийн хүйтэнд тэсэрч дэлбэрэх, өрөөлийг гэрэлтүүлж шатах хоёр тэс өөр ойлголт

Гэнэтхэн л шатаж дэлбэрэх, шатсан нэгнээ сэтгүүлчид хамгаалсангүй гэх яриа дэгдэх болсон. Цахим ертөнцийг анзаараад байхад монголчууд бид туйлшрахын дээдийг үзүүлдэг гол дүрийн баатар болсоор удав бололтой. Энэтхэгийн эртний их сэтгэгч Нагаржунай “Зарим хэрэгт гал мэт дүрэлзвээс зохих” хэмээн “Рашааны дусал” сударт өгүүлсэн байдаг ч басхүү “Зарим хэрэгт уул мэт бат сууваас зохих” гэж сургасан байдаг. Үндэстнийхээ сайн сайхны төлөө тэмцэж, олон жил шорон гянданд хоригдсон Туркийн их яруу найрагч Назым Хикмет

“Хэрвээ би шатахгүй юм бол

Хэрвээ чи шатахгүй юм бол

Хэрвээ бид шатахгүй юм бол

Хэн энэ түнэр харанхуйг гийгүүлэх юм бэ” гэсэн асуултыг зөвхөн өөрийн ард түмэндээ ч биш хүн төрөлхтнөөс асуусан байдаг.

Уг шүлэг түрэг хэлэндээ “Хэрхэн энэ түнэр харанхуйг гэрэлтүүлэх юм бэ” гэж байдаг гэж Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Д.Мөнхтөр өгүүлсэн нь утга учиртай л үг шиг санагддаг. Нийгмийн түнэр харанхуйг гийгүүлэхийн тулд хэн нэгэн шатах биш, хэрхэн яаж шатах тухай л яруухан өгүүлсэн хэрэг. Тэрнээс ямар нэг зүйл болохгүй байна гээд гудамжинд ч юм уу, олон нийтийн газар гал өрдөөд, галд өртөөд байвал гуравхан сая хүнтэй бидэнд ч хохиролтой, бас нийгэмд ч хор хөнөөлтэй. Ийм л анархи үзлээс улбаалж фашизм, нацизм толгойгоо өндийлгөх аюултай биш гэж үү. Төр засаг ч, түмэн олон ч нийгмийн аль түвшинд юу болж бүтэхгүй байгааг ухаарч засаж явбал “Хүнлэг ардчилсан” гэгдэх нийгмийн мөн чанарт тэнцэх мэт санагдана. Цөөхөн хүн амтай Монгол Улсад маань нэг хүний амь ч нэг гэхгүй нэмэртэй л юм сан даа. Хүнлэг байхын тулд хэн нэгнээ хайрлах сэтгэл, амьтнаас ялгарахын тулд оюундаа гэрэл гэгээ тусгаж дэлхийн болоод Монголын сонгодгуудаа жаахан уншмаар л байх юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Одтой найрагч Чойсүрэнгийн Дагвадоржийнд од түгтэл уянгаар жигүүрлэсэн өдөр

Бямба гаригийн үдээс хойхно Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын хорьдугаар байрны зургадугаар давхрын нэгэн хаалганы хонхыг дарахуй нас хэдий дал гарсан ч мөнгөлөг цагаан тэргүүнтэй залуу хүн шиг шалмаг хөдөлгөөнтэй эрхэм өтгөс үүд дэлгэн гэртээ урилаа. Энэ айл болбоос Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом” наадмын тэргүүн шагналт найрагч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Чойсүрэнгийн Дагвадоржийнх болой. Олон түмнээ “буурал” хэмээн алдаршсан өвгөн багш тэртээ хориод жилийн өмнө анх танилцахад ямар байсан тэр л жавхаа золбоогоо хадгалан, цогтой сайхан үгсээр мэнд амар мэдэх нь сэтгэлд нэг л дотно. Орон байр нь үүднийхээ өрөөнөөс эхлээд жаазалсан уран зураг, хатгамал нүднээ тусаж, том өрөөний нэг талын ханыг дүүргэн үргэлжлэх номын сан цогцлоожээ. Зэрвэсхэн харвал номын санд нь орос, англи, монгол том том ботиуд ярайх нь мэддэг нэгэнд мэргэн цоохор санагдаж, хорхойсох сэтгэл төрүүлэх нь лавтай. Гэрийн эзэн бурхан тахил, эрдэм номын авшиг шингэсэн том өрөөнийхөө буйданд тухлахыг урьж байна.

Гэрийн эзэгтэй аагтай шаргал цай аягалж, тун удалгүй шар тос мэлтгэнэсэн халуун хайлмаг таваглан ирлээ. Хотгойдууд хүндэт зочиндоо шинэхэн өрмөөр хайлмаг хайлан дайлах ясны дуртай гэнэ. Хайлмагийг холио гэж нутагт нь ярьдаг аж. Мөнгөн тэргүүнт найрагч маань Хөвсгөл аймгийн Арбулаг суманд 1942 онд мэндэлсэн хотгойд ястан ажээ. Хөвсгөлийн хүн амын далан хувь нь буюу 11 сум нь хотгойд ястнууд гэнэ. Дэлгэр мөрний зүүн, баруун хөвөөнд төрж өссөн хотгойдуудаас ардын билэг зүйч, дууны их найрагч Жамцын Бадраа, Монголын их түвдэч, хэл бичгийн шинжлэх ухааны доктор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, нэрт уртын дууч Ичинхорлоогийн Цоодол, “Бодлын цагаан хун”-г зохиосон яруу найрагч Дүгэржавын Амгалан нар Дагваа багштай нэг нутаг усны хотгойдууд. Хотгойдын гэгэлгэн дуу нулимс мэлтэсхийлгэм уянгатай.

Тэр л дууны эгшигт уярч өссөн болохоор эгшиг дууны хорвоод хэлний эрхшээлт эрдэмтэн мэргэд, утгын ярууд шүтэгч уяхан найрагч, аялгууны гайхамшгийг өргөсөн тэнгэрлиг хоолойт дуучин төрдөг биз ээ гэсэн сэтгэгдэл төрж байна. Тийм ч учраас Чойсүрэнгийн Дагвадорж хэмээх эл хотгойд

“Дэлтэй цэнхэр зовно уу, яана

Дэлгэр мөрөн бооно уу, яана

Өндөр цэнхэр зовно уу, яана

Өргөн Тэс нь бооно уу, яана

Яваад л яваад л барагддаггүй

Яасан ч арвин хөндий вэ хө

Явуулын хүнээр хэлүүлсэн

Ямар ч үйлтэй сэтгэл вэ хө” гэсэн нутгийнхаа дууг цовоо цолгин хоолойгоор аялан сонсгохдоо хүүхэд ахуйн энхэр хайртай нутгаа газрын цэнхэр диваажин болгон оюун бодолдоо тунгаана уу гэлтэй яльгүйхэн бодлогошроод авав. Тэгснээ

“Зураг саарал морь нь

Зуслангаас юундаа уйдаав

Зул шиг гэрэлтэй дүү минь

Надаас юундаа уйдаав” гэж сайхан дуу байна. Манай хотгойд дуу чинь хүнийг дандаа хайрласан сэтгэлээс төрсөн дуу байдаг. Ямар сайндаа л эхнэртээ хаягдсан нэгэн эр “Миний борлог морийг

Хүлгийн дээд гээрэй

Миний сайхан ханийг

Хүний дээд гээрэй” гэж зохиож дуулах билээ дээ” гэж яриагаа үргэлжлүүлэх аж. Энэ хүний цээжинд хэдэн мянган дуу, ардын сэцэн билэг багтаж байгаа бол гэх бодол төрнө. Хүний уруул угзрах гэж ирсэн биш ардын сайхан дуунуудын тухай ярианд нь уяраад, ухаажаад гарах төлөвтэй.

Бидний яриа хотгойд дууны тэр л гэгэлгэн шинжийн тухай, хүний сэтгэлийг бөмбөрүүлэн татах увдисын тухай үргэлжилсээр. Хотгойдууд дуундаа дотоод сэтгэлээ уусган шингээж, уянгалуулан дуулдаг учраас чихэнд сонсголонтой, сэтгэлд наалдацтай байдаг талаар аргагүй л эрдмийн хүний зиндаагаар тайлбарлах нь бахархмаар. Дэлгэр мөрнөө хөвөөлөн суугч Хотгойдын гэгэлгэн дуу маш олон нугалаатай гэнэ. “Дэлтэй цэнхэр” дууг сайн дуучин бол 17 нугалаа гарган дуулдаг гэж байгаа. Тиймээс хүний баярласан, гуньсан сэтгэлийг тэр чигээр нь илэрхийлдэг онцлогтой аж. Түүний төрсөн дэнж Дэлгэр мөрөн, угаасан ус нь Дэлгэр мөрнийх, амьсгалсан агаар нь ч тэр нутгийнх болохоор Дэлгэр мөрнийхөө чулуугаар хөөрөг хийлгэчихээд, хүмүүстэй тамхилж явдаг аж. Монгол түмнийхээ сэтгэлд хэдэн зуунаар домог болсон хүн бол Манжийн хааныг эсэргүүцэн тэмцэж, есөн зоосны нүхээр цувиулж нөхчсөн Хотгойдын Чингүнжав вантан. Үр удмаараа хиартал устгагдсан энэ чин зоригтон хэдийгээр цэргийн том жанжин, гүрнийг эзэлсэн хаан байгаагүй ч Монгол Монголоороо байхын бэлгэдэл болон хүн ардынхаа сэтгэл зүрхэнд мөнхөрсөн дөө гэж буурал эрдэмтнийг өгүүлэхэд нүдэнд нь харамслын ганц дусал гялтасхийгээд шингэх шиг санагдав. Хотгойдууд хонь олонтой болохоор “Хотгойдууд хонинд дуртай. Хон хэрээ нүдэнд дуртай” гэсэн үг хүртэл гарчээ.

Дагвадорж найрагчийнд хижээл насны нэгэн эр дайлуулж суусан нь Америк орноо сурахаар одсон зээ Сэрадарынх нь хадам аав Ж.Гүрбазар гэргийтэйгээ амралтынхаа өдрөөр зээнцэр Мөрөнгоог нь өндөр өвөө, эмээ хоёрт нь зочлуулж яваа аж. Хоёрхон ойтой Мөрөнгоо ч дураараа нэгэн бололтой. “Халуун савтай цай татчих вий. Халуун холионд амаа түлчих вий” гэсэн эмээ өвөө нараа үргэлжид хөөрхөн дэглээстэй. Сэтгэл дэгэлзүүлж догдлуулах үр ачтай байна гэдэг айл гэрийн баяр баясгалан гэлтэй. Өндөр өвөө нь хэвлэлээс саяхан гараад буй “Монгол голомт минь” номоо дэлгэн барих зуур зээнцэр охиндоо зориулсан “Мөрөнгоо” шүлгээсээ унших нь уянгатай. Тэрээр удмын улаачдаа

“Угаасан усаа ширтэнхэн суутал маань

Угтаад мишээсэн юм аа, Мөрөнгоо

Урсгал торгон жирэлзээн дундаас

Уяруулах эгшиг сонсогдсон юм аа, Мөрөнгоо

Мөрөнгоо, мөрөөдлийн минь оргил

Мөрөнгоо, Мөлхөж босох охин үр минь

Зүгээр чиг нэг өгсөн нэр биш шүү, Мөрөнгоо

Зүрхний дуудлага шингэсэн юм шүү, Мөрөнгоо

Зүйлийн хорвоод зүйтэй яваарай, Мөрөнгоо

Зөвшиж, бас өршөөж яваарай Мөрөнгоо

Дээдсийн чинь аршаалсан ус Дэлгэр мөрөн шүү, Мөрөнгоо

Дэвтэрлэн нандигнах удам чинь хотгойд яс шүү, Мөрөнгоо

Дээшилж мандлаа ч, доошилж гундлаа ч

Дэлгэр мөрөн ээжээ дуудаад өндийнө шүү, Мөрөнгоо” гэж аялгуулан уншихад цовоо сэргэлэн бяцхан охин үр нь цолмон нүдээ гялалзуулан сонсож инээмсэглэх нь өхөөрдмөөр.

Буурал найрагч тоодон бяцхан охиндоо зориулсан сургаал шүлгээ уншиж ахуйдаа хурга тугал хариулсан Ямаат уулынхаа энгэрт гүйж яваа тоодон бяцхан насандаа зочилж очив уу гэлтэй бодлогошролын гэгээ цацруулж сууна. Ч.Дагвадорж гуай гэргий Б.Чулуунтайгаа алдрай жаахан арван найман наснаасаа ижилдэн дасаж, өдгөө тавь гаруй жил ханилан амьдарчээ. Хань нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул хотгойд бүсгүй, таван сайхан хүүхдийг нь төрүүлж, хорь гаруй ач зээгийн өвөө эмээ болон аж төрж байна. Хөдөлмөр технологийн багш мэргэжилтэй гэргий нь намын ажил хийж, сэтгүүлч мэргэжлээр ч ажиллаж байж. Дагваа багш “Далийн цэцэг” анхны номдоо оруулсан “Дөлгөөн Дэлгэр мөрөн” шүлгээ ханьдаа зориулан идэр насандаа бичсэнээ дурдав.

“Дөлгөөн Дэлгэр мөрөн минь

Торгоны хээ шиг артай

Дөлгөөхөн ханьтайгаа учирсан

Энэхэн хорвоод жаргалтай” гэж уншихад хань нь “Бид хоёр ч одоо өвөл хавартаа Америк, Солонгост амраад, зун нь Хөвсгөл, Дэлгэр мөрөндөө очиж тарайгаад нүүдэлчин монгол гэдгийг амьдралаараа жинхэнэ баталж явна” гэж жаргалтайхнаар инээмсэглэж сууна. Мянга есөн зуун жаран нэгэн онд аавыгаа оюутан болох жил төрсөн ууган охин Цэцэнчимэг нь монгол үндэсний хувцасны уран оёдолчин мэргэжилтэй бөгөөд аав ээждээ ойр Монголдоо байдаг ганц үр нь гэж байгаа. Биднийг очих өдөр ч эл охин нь хоол унд бэлдэлцэн аав ээждээ туслахаар хүрэлцэн ирсэн байв. Удаахь хүү Энхбаяр Монголын тэшүүрийн холбооны ахлах дасгалжуулагч спортын мастер хүн юм. Тамирчдаа олон улсын тэмцээн уралдаанд бэлдээд огтхон ч зав зайгүй явдаг нэгэн. Эрхүү хотод химийн инженер технологич мэргэжил эзэмшсэн Туяа охин АНУ-д мэргэжлээрээ ажиллаж амьдарч байгаа аж. Түүний удаахь Цэцэнтуяа охин зураач мэргэжилтэй юм байна. Харин отгон хүү Энхбаатар нь Цагдаагийн академийг дүүргэж, Өмнөд Солонгосыг зорьсоор арваад жилийн нүүр үзжээ. Ач зээ нар нь бүгд л гадаадад аж төрдөг гэнэ. Тухайлбал, зээ хүү бизнесийн удирдлагын инженер Батчулууны Баярбаатар, эм зүйч Б.Ерөөлт, эдийн засагч Б.Баттүвшин нар нь Америк тивд аж төрж буй бол загвар өмсөгч Энхбаярын Түмэнжаргал Канад улсад амьдарч байгаа аж. Мөн зээ улс төр судлаач Балжийн Жамц, компьютерийн техник хангамжийн инженер Б.Содномдаржаа, утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй Ц.Сэрэдара нар АНУ-д ажиллаж сурч байгаа бол ач Энхбаатарын Чингүлэн нь БНСУ-ын Сонгнамын их сургууль дүүргэжээ. Генетикийн биологич Э.Дарасүрэн Солонгост ажиллаж байна. Тиймээс ч хоёр хөгшин Солонгос оронд очиж сайхан амарч байгаад Америк тив рүү тааваараа аялдаг заншилтай болсоор арав гаруй жилийн нүүр үзжээ.

Гэрийн эзний хувьд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1966 онд төгсөж, “Монголын уран зохиол дахь ажилчин ангийн дүрийн хөгжил” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн. Уран бүтээлээ 1966 оноос эхэлж “Цэргийн албаны гоо зүй”, “Утга зохиолын шүүмжлэлийн тухай” зэрэг ганц сэдэвт зохиол, “Номоос төрсөн бодол”, “Зохиолч, цаг үе, уран бүтээл” шүүмжлэлийн түүврүүд, “Монголын нэвтэрхий толь”, “Дэлхийн уран зохиолын бага хураангуй толь”-д зохиогчоор оролцож, 1988 оноос яруу найраг бичиж “Далийн цэцэг”, “Далайн цэнхэр салхи”, “Ээж минь дээ”, “Атга шороо”, “Сэтгэлийн амраг”, “Нугас алаг нүд”, “Сэтгэлийн эгшиглэн”, “Хотгойд аялгуу”, “Богд нь уулын сүндэл” номуудаа хэвлүүлжээ. Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом” шагналыг 2008 онд “Алаг тавилан” номоороо авсан авьяастай, онгодтой найрагч бол Чойсүрэнгийн Дагвадорж. Утга зохиолын шүүмжлэгчдийн олон улсын холбооны гишүүн гэж байгаа. Их сургуульд зохиолч Чинагийн Галсан, Говь-Алтай аймгийн Бугат сумын даргаар олон жил ажилласан хөдөлмөрийн баатар О.Ядамхүү нартай нэг ангид суралцсан. Ч.Галсан нь нэгдүгээр курсээ төгсүүт Герман улсад сургуульд сурахаар оджээ. Ч.Дагвадорж сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Хатгал сумын найман жилийн сургуульд хичээлийн эрхлэгчээр найман сар ажиллаад, аймгийнхаа “Эрх чөлөө” сонинд утга зохиолын ажилтан-захидал харилцааны эрхлэгчээр дэвшин ажиллаж байгаад их номч Чой.Лувсанжав багшийнхаа англи-монгол толь бичгийн туслах ажилтнаар татагдан Улаанбаатар хотын айл болон шилжиж ирсэн түүхтэй.

Түүнээс хойш “Ардын арми” сэтгүүлийн эрхлэгчийн алба хашиж, дэд эрдэмтний зэрэг хамгаалан, “Монголын нэвтэрхий толь”-ийн секторын эрхлэгч, ерөнхий редактороор томилогдсоноос хойш хорин найман жилийн дараа Монгол Улс нэвтэрхий тольтой болжээ. Эл тольд Монголын сор болсон 435 эрдэмтний хөдөлмөр бүтээл шингэсэн гэхээр ямархан ланжгар бүтээл болох нь ойлгогдоно. Ер аливаа соёлт улсын тусгаар тогтнолын нэгээхэн бэлгэдэл нь үндэсний театр, их сургууль, нэвтэрхий тольтой эсэхээр хэмжигддэг хэмээвээс Монгол Улсаа тэр нэвтэрхий тольтой болгох гэж олон жилийн нөр хөдөлмөрөө зарцуулжээ. Франц улсад анх нэвтэрхий толь нь хэвлэгдэхэд төрийн хүндэт харуул жагсаж байсан бол Японд бүтэн арав хоног улс орон даяар албан ёсны амралт зарлаж байсан гэдэг. Түүний үс цэл залуугаасаа цал буурал болсон нь чухамдаа энэ их нөр ажилтай ч холбоотой байж мэдэх юм. Нэвтэрхий толио бахархан үзүүлэх зуур элбэг баян эрдэнийн далай болсон номын сантай нь танилцав. Зургаан мянган номтой баялаг сайхан эрдмийн сан аж. Ном нь гэртээ багтахаа байгаад тагтан дээрээ бас номын сан хийж тавьжээ. Ер нь эрдэмтэн найрагч маань номоо цөөлж “Гурван-Эрдэнэ”, С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль, Хөвсгөл аймаг болон Арбулаг сумынхаа номын сангуудад бэлэглэж номын цагаан буян үйлджээ. Дагваа багшийн хойморт байгаа яруу найргийн охин тэнгэр Янжинлхамаас адис авч, айл гэрт аз жаргал бэлэглэгч амгалан тайвны бэлгэдэл заануудын цуглуулгыг үзсээр цаг нэлээд оройтсоныг анзаарахад бидний яриа дөнгөж эхэлж буй мэт санагдах нь хачин.

Найрагчийн зохиосон “Ээж минь дээ” дууг найман настай балчраас эхлээд наян настай буурлууд хүртэл аялах дуртай. Наяад оны сүүлээр олонд түгсэн энэ дууны шүлгийг бичсэн даруй ая зохиогч, дуучин С.Цэрэнчимэд агсан аялгуу зохиосноор түмний хайртай дуу болон түгжээ. Энэ тухай тэрээр “ Ээж минь дөчин тавхан насалсан хүн. Манайх жаахан ядмагдуу амьдралтай айл байсан ч уяан дээр морьд багширч, олон бужигнасан айл байлаа. Ээж маань тийм олонтой хүн байж. 1965 онд миний ээж насан өөд болсон юм. Түүнээс хойш 1988 оны сүүл хүртэл ээждээ зориулан нэг шүлэг бичих юмсан гэж хорь гаруй жил бодоод л явсан. 1989 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөө ажил дээрээ ирээд ширээнийхээ ард суусан чинь гэнэтхэн шүлэг бичмээр санагдаад. Тэгээд л

“Газар холоос санахад

Гаднаа бүртийж харагдах юм

Галуу шувуу ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа

Тун чиг холоос санахад

Тоосон дундаас торолзох юм

Тогоруу шувуу буцахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа

Нутаг холоос санахад

Нулимсан дунд минь бүрэлзэх юм

Нуурын шувууд ганганахаар

Таныгаа дуудмаар, дуулмаар болох юмаа” гэсэн мөрүүд, өөрөөр хэлбэл, дууны маань дахилтууд эхэлж санаанд орж ирээд, дараа нь

“Будантай юу буурал хорвоод нь

Бүүвэйлж өсгөсөн ээж минь дээ хө

Буруу юу, зөв хоёрыг минь

Ухааруулж өсгөсөн ээж минь дээ хө” гээд л үндсэн бадгууд ороод ирсэн.

“Ээж минь дээ” дууны шүлгийг ингэж зохиосон юм. Тэр үед манай авьяастай сайхан дуучин, ая зохиогч Самдангийн Цэрэнчимид агсан Зохиолчдын хорооны “Үлгэрийн танхим”-д дуучин байлаа. С.Цэрэнчимид надаас шүлгийг аваад, ээждээ зориулж ая хийгээд энэ дуу төрсөн түүхтэй. “Ээж минь дээ” дуу намайг дууны яруу найрагт хөтөлсөн. Утга зохиол шүүмжлэгч, судлаач хүн атлаа яагаад дууны яруу найраг руу орсон бэ гэхээр би ерөөсөө багадаа хотгойд дууны аялгуунд өссөн хүн. Ийм дууг би их багадаа дуулж, дуулсан ах, эгч нарыг сонсч өссөн. Тийм болохоор ер нь үүн шиг л ганц дуу зохиохсон гэж бодсон юм. Яахав “Ээж минь дээ” дуу бол Ази, Европт дуулагддаг л юм. Америкт ч бас дуулж байгаа хүнийг сонссон. Дундад улсад бол бүр дүрстэй, хятад хэлээр орчуулж дуулдаг. Ер нь дэлхийн монгол туургатан бараг бүгдээрээ “Ээж минь дээ” дууг дуулсан. 2000 онд БНХАУ-ын баруун хойт үндэстний дээд сургуулийн тэнд айлд байж байхад түвдээр орчуулаад дуулж байна гэсэн мэдээ ирж байсан. Тэгээд бодохоор “Ээж минь дээ” дууг ямар ч байсан тэрбум хүн дуулжээ. Намайг сургуульд явахад ээж минь “Миний хүү олны дунд эвтэй яваарай” гэж захьсан. Хүн ээжийнхээ хайрыг хэзээ хойно их мэдэрдэг. Дэргэд байхад нь түшиг тулгуур, хайр энэрлийг нь ухааралгүй гомдоочихдог хэрнээ хорвоогоос явсан хойно нь үгүйлэн дурсдаг шиг санагддаг” гэж гунигтайхан өгүүлсэн юм.

Тэрээр бас оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадамд “Атлантын далайн хөвөөнд ээжийгээ их саналаа” шүлгээ уншиж айргийн тавд орж байснаа дурдлаа. Хайрт ээждээ зориулж Арбулагийнхаа Ямаат уулын энгэр дэх өвөлжөөний ханан хаднаа уртаашаа есөн метр, өндрөөшөө арван метр эзлүүлэн “Ээж минь дээ” дууныхаа шүлгийг, аялгууны дүрстэй нь хамт сийлэн, ээжийнхээ хөргийг бүтээн шүншиглэснээ ярихдаа хоолойдоо бөн бөн гунигтай, хоёр нүдэндээ цэн цэн нулимстай уярч суувай. “Будантай юу буурал хорвоо”-д буянт ээжээ дээдэлсэн буурал найрагчийнхаас гарахын цагт одод тэнгэрт түгж, олон түмэн гэр гэрийн зүг яаран алхацгаах нь хүмүүний аж төрлийн нэгэн өдөр өнгөрөн одсоныг илтгэнэ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Л.ДАВААЖАВ: Хэдэн хүн буудсанаа мэдэхгүй, чиглүүлээд л буудаж байгаа юм чинь

Эх орны баруун хил, Байтаг богдод тулалдаж явсан ахмад дайчин Ламцэрэнгийн Даваажавтай уулзаж хөөрөлдлөө.

Та Монгол орныхоо баруун хилийг хамгаалалцаж явсан ахмад дайчин. Манай улсын түүхэнд баруун хил дээр болсон үйл явдлыг “Хилийн тулгаралт, байлдаан” гэх мэтээр янз бүрээр нэрлэх юм. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Ер нь үгийн эхэнд хэлэхэд төр засаг 1992 оноос эхлээд баруун хилийн тухай огт дуугарахаа больсон. Дандаа л зүүн хил, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайны тухай л дуугарцгаах юм. Баруун хязгаарт тулалдаж явсан бидний арван гурван ахмад дайчин хэдэн жилийн өмнө Батлан хамгаалахын сайдад “Баруун хилийн тулгаралтын үнэн бодит байдлыг Монгол Улсын түүхэнд үнэн зөвөөр тусгаж өгөхийг хүссэн өргөдөл” өргөн барьсан ч тоолгүй байсаар одоо гуравхан хүн амьд үлдэж. Тэрчлэн УИХ-ын Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга Р.Бурмаад энэ талаар өргөдөл бичсэн ч огт тоогоогүй. Үгүй, энэ чинь Өргөдөл гомдлын байнгын хорооны дарга гэхэд л бидэнтэй өнчин ишигний ч дайтай харьцахгүй байна гэдэг мөн ч их хэцүү еэ. Баруун хилийн тулаан, байлдаан гэхээр л ярвайдаг энэ ихэс дээдсийн ааш араншинг хөгшин би үнэндээ огтхон ч ойлгохгүй байсаар хадан гэртээ морилох бололтой. Зүүн хил гэхээр тавин жилээс нь эхлээд л сүртэй тэмдэглээд байдаг. Баруун хил гэхээр огт тоодоггүй нь ямар учиртай юм бол. Тэгшээ, Гиваан, Даваадорж, Жамбаа, Нэхийт, Лхагвадорж, Энхийн Шийлэг, Бадам нарын арван баатар төрсөн баруун хилийн тулгаралт дайныг түүхээс хасаад дурдахаа ч больж эхэлж байгаа нь юу гэсэн үг вэ. Дайнаас л баатар төрдөг болохоос жирийн нэг хилийн зөрчлөөс тийм олон баатар төрөх үү.

Баруун хил дээр таныг алба хаах үед байдал ямаршуухан байв даа?

-Монгол Улсын газар шороо, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө бид зүтгэж явсан. Тэр үүргээ ч бид бүрэн дүүрэн биелүүлсэн улс. Баруун хил дээр эсрэг талын байнгын хөнөөлийн доор эх орны л үүрэг даалгавраа биелүүлж явсан. Эх орны хүнд даалгавар гэдгийн учир юу вэ гэвэл бид цэрэгт очоод тангараг өргөсөн. Одоогийн “Шударга ажиллана” гэж тангараг өргөдгийн дэргэд бол бидний тангараг “Амь насаа ч хайрлахгүй” гэж дэнчин тавьснаараа онцлог байлаа. Хэрвээ өргөсөн тангаргаа биелүүлэхгүй бол “Эх орны өмнө хуулийн цээрлэл хүлээнэ” гэсэн туйлын дээд ёс суртахуун бидэнд байсан. Цэргийн хээрийн шүүхээр хуулийн дээд хэмжээ авч, жагсаалын өмнө буудуулсан тохиолдол ч зөндөө байдаг юм.

Тушаал уншаад л та нарын нүдний өмнө шуудхан буудчих уу?

-Ямар ч өчиггүй буудна. Амь насных нь ял хэлтрээд олон жилийн ял авсан хүн ч байгаа. Салаан дарга Дорж гэдэг хүн хоёр зуу гаруй дайсантай тааруутаа цэргээ аваад ухарлаа гэж буруутгагдан буудуулж байсан.

Та хаанахын анги заставт цэргийн алба хааж байв?

-Баруун хилийн будлиан ихэссэн болохоор Ховдын дөрөвдүгээр морьт дивизьонд алба хаасан даа. Цэргийн карантинд хоёр гурван өдөр морьтой бэлтгэл сургууль хийлгэж байгаад, Ховд аймгийн Булган сумын Булган голын хөвөөнд нэг өдөр тангараг өргүүлээд тэр өдөртөө цааш хил рүү татсан юм. Тэр үед хорьтой хүнийг цэрэгт авдаг байсан. Бүтэн гутал ч өмсөж үзээгүй хөдөөний бүдүүлэг хүүхэд цэрэгт явбал юм үзэж, нүд тайлна гэж бодоо биз дээ. Тангараг өргөсөн цэргүүдээс хамгийн бага нь Ховдын Буянт сумын Буянбат, бид хоёр арван найман настай байлаа. Би 1929 оны хүн. Тэр үед Эрдэнэбүрэн сумаас ахыгаа цэрэгт явахад насаа нэмээд саналаараа цэрэгт явсан хүн. Дотоодыг хамгаалахын харьяанд биднийг өглөө. Биднийг анх хил дээр очиход цэргийн байр байхгүй учир газар ухаж байрлацгаасан. Өдөржин газар ухаад шөнө нь манаандаа гардаг байлаа. Тэнд бид ээлж, амралт байхгүй өдөр шөнийн алинд ч бүрэн зэвсэгтэйгээ байцгаана. 1947 оны намраас 1948 оны хавар хүртэл арван сарын турш л бид ийм байдалтай байсан.

Хувцас хунараа тайлж ор дэрэнд амарна гэсэн ойлголт байхгүй байв уу?

-Бүрэн зэвсэгтэй, хувцсаа нэг ч тайлахгүй шахуу арван сар болно гэдэг чинь ёстой нэг амьдын там болж байсан. Бөөсөнд баригдах гэж нөхцөл байхгүй. Бага дарга нар аргаа барахдаа цэргүүдийн хувцсыг тайлуулаад цасан дээр гөвүүлэхэд бөөснүүд бор шороо цацчихсан юм шиг бужигнаж өгдөг байлаа. Дөчин найман оны хавар бөөсөн тип гэж аюултай өвчин дэгдлээ. Энэ үеэр маш олон цэрэг нас барсан. Тийм нөхцөлд бид газар нуувчин дотор л амьдарч байлаа. Газар нуувчаа мод банз байхгүй юм чинь голын бургас авчран зулж байгаад шороогоор булчихсан болохоор дээрээс шороо бургиад орж гарах болгонд хаалганы аясаар бөөн шороо л толгой дээр бууна. Баруун хилээ бид ийм л нөхцөл байдалд хамгаалж ирсэн.

Баруун хил дээр олон дайчин эр амь үрэгдсэн байдаг болов уу?

-Баруун хилийн хямралтай байдал түүхэнд хамгийн олон жил буюу арваад жил үргэлжлэхэд мянгаад удаа халуун тулалдаан болж, зуу гаруй эх оронч хилчдийн алтан амь үрэгдэж, өчнөөн зуун цэрэг эрс шархдан тахир дутуу болсон. Тэндээс эрэлхэг дайчин арван баатар төрсөн. Хилийн тулгаралт, байлдаан гэж зөөллөөд байгаа болохоос Халхын гол, Чөлөөлөх дайнаас ч дутуугүй томоохон үйл явдал баруун хил дээр болсныг өнөөдөр их зөөлчилж түүхчлээд байгаад үнэндээ маш их гайхдаг юм.

Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын эрэлхэг баатруудын амь үрэгдсэн алдарт Байтагийн нуруунд очиж байсан. Танай анги тэр хавьд байсан юм уу?

-Яг тэрний чинь баруун талд Жамбаа баатрын есдүгээр застав байсан. Тэдний заставын баруун талд манай анги байрлаж байсан.

Та нар хасгуудтай олон удаа тулалдаж байв уу?

-Ховдын Булганы айлуудын мал хуйг хасаг хуйхуй нар хөөнө. Үргэлж шахуу л хасгуудтай тулалдаж байсан. Мал хулгайлах үед нь хоёр талаас буудалцана. Сүүлд Хятадын гоминдааны дивизээс хүч нэмэгдүүлсэн хасгийн томоохон хэсэгтэй бүтэн арван нэгэн цагийн турш буудалцсан. Тэд биднийг винтов, миномёт, бүр хүнд пулемётоор хүртэл буудаж бидний очсон арваннэгдүгээр заставынхныг их сандаргаж байлаа. Хамт явсан нөхөд минь үхсэн, шархадсан тохиол зөндөө л байдаг юм. Тийм юман дундаас л бид цөөхүүлхнээ ч гэсэн үлдээд л гарсан юм.

Одоо хэдүүл үлдээд байна?

-Манай ангиас одоо амьд мэнд байгаа нь надтай нийлээд гурвуул л байх шив дээ. Салаа, тасаг, суман, дивизьон гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. Тэр олон салбар нэгтгэлээс л үлдээд байгаа гэхээр бид чинь дэндүү цөөхүүлээ үлдсэн юм биш үү.

Цэргүүд өлсөж зовох нь аль хэр байв?

-Өлсгөлөнд орсон хүн тураалд хурдан ордог. Цэргүүд өлсгөлөнгөөр нас барах тохиолдол ч их байсан. Халдварт өвчин их гардаг байсан болохоор өлсгөлөнгөөр чухам хэдэн цэрэг бурхан болсныг хэлэхэд хэцүү. Тураалд орсон цэргүүдийг ангиас ялгаад тусдаа нуувчинд хэвтүүлнэ. Хил дээр буун дуу гаргах эрхгүй болохоор нутгийн гүн рүү ангиас цэргүүд дайчилж гөрөөс зээр агнуулж авчран тураалд орсон цэргүүдээ тэжээн тэнхрүүлдэг байсан.

Таны ярианаас тухайн үед хасгууд зэр зэвсэг сайтай байсан нь анзаарагдаж байна. Хасгийн толгойлогч Оспанд маршал Х.Чойбалсан баахан зэр зэвсэг хүлээлгэж өгснийг та нар тухайн үедээ мэдэж байсан болов уу?

-Сүүлд нь мэдэгдсэн. Зуун мянган винтовыг дөрвөн зуун мянган сумтай, хүнд хөнгөн пулемёт хүлээлгэж өгсөн байдаг юм ш дээ. Бүр хоёр мянган гранатыг биднийг устгаг гэж өгсөн байгаа юм. Үүний цаана ЗХУ-ын цэрэг стратегийн том бодлого байсан байх л даа. Тэр ч байтугай хасгуудад зэр зэвсгийг яаж хэрэглэхийг ч зааж сургасан байдаг. Тэр үед ЗХУ-д Цэргийн сургууль дүүргээд ирсэн Булган аймгийн харьяат Сосорбарамын Зундуй гэдэг хүн оспаныхан дээр очиж зэвсэг яаж хэрэглэх талаар сургууль хийлгэж бүүр зааж өгсөн байдаг юм.

Зүүн хилийн байлдаан буюу Халхын голын тулаан, Чөлөөлөх дайн бол милитираст Японы эсрэг хийсэн дайн байж. Харин баруун хилийн тулгаралтын тухай ярих гэхээр өмнөд их хөрш БНХАУ-тай харилцаагаа муутгахгүй гэсэн улс төрийн бодлого байдаг учраас та бүхний үйл хэргийг бүдгэрүүлээд байдаг юм биш байгаа?

-Тийм байх магадлал маш өндөр. Гоминдааны Хятадтай 1945, 1946 онуудад олонтаа тулалдаж байснаа 1947-1949 онд Оспаны хасгуудтай байлдаж эхэлсэн байдаг. Одоо баруун хилийн дайн, байлдааны тухай асуудал хөндөх гэхээр урд хөрштэйгөө муудах гээд байдаг болчихсон байхыг би үгүйсгэхгүй.

Та цэрэгт байсан газруу­даараа дахин очсон уу. Та нөхдийн бөөсөнд бариу­лан, өвчин зов­лонд шаналан, хөлс цус­тай­гаа холилдон байж хам­гаалсан баруун хилийн нутаг орон сүүлд хил тогтооход арай Хятадын мэдэлд оччихсон юм биш байгаа?

-Би очиж амжаагүй. Уг нь очих санаа их байх юм. Одоо ч нас ахичихлаа даа. Хилийн цаана бидний хамгаалж байсан, байрлаж байсан олон ч газар Хятадын харьяанд очсон гэх юм билээ. Олонбулагийн застав маань одоо л лав бидний үеийн байрлаж байсан газраа байдаггүй. Манай арваннэгдүгээр заставаас Ваанчиг гэж эмч нэлээд яригддагийг та нар сонсоо байлгүй. “Улаан ном”-ын хүн гэж хүртэл дурдагдсан байдаг.

Яг тулаанд орсон үйл явдлаа яриач?

-Бүтэн арваннэгэн цагийн тулаанд оролцож байлаа. Цагаан шороо ихтэй газар олон морьтой хүн чинь бөөн тоос манараад л байдаг юм билээ. Бид хилийн харуул дээр гурвуул байж байсан. Лав л хоёр гурван зуун хүн байсан байх. Манай ангийн дарга хурандаа Мадриг “Ямар нэгэн тулгаралт болоход буудаж болохгүй. Мэдээ л өгөх ёстой. Хоёр цаг тутамд хэл бариад бай” гэсний дагуу бид дөрөв төвд мэдээгээ өгүүлэхээр нэгийг нь явуулчихаад гурвуулаа үлдсэн. Би тэр гурвыгаа хариуцсан ахлах түрүүч. Орой бүрэнхий болтол хадтай толгойн орой руу хүний хөлийн чимээ гараад, мацаад байгаа нь тодорхой боллоо. Би ч нөгөө хоёртоо “Амьд баригдаж болохгүй. Бадамыг гэхэд халуун төмрөөр хайрч тамлан егүүтгэсэн. Хэрвээ бид баригдах л юм бол тэгж үйлээ үзнэ. Тэгж шаналж байснаас Тэгшээ, Гиваан, Даваадорж гурав шиг ганц ганц гранатаа үлдээж байгаад тэсэрч үхцгээнэ шүү” гэлээ. Толгойн үс арагшаа хуураад явчих шиг санагдсан. Тэгтэл ч чимээ дөхсөөр “Зогс” гэж дохио өгтөл ашгүй манай талын нууц үгийг хэллээ. Тэгэхнээ Мадриг дарга бидэн рүү долоон хүн явуулсан юм байж. Бид шивнэлдэж ярьж байгаад ногоон пуужин буудуут Байтагаа тойрч анги дээрээ очсон. Ангидаа очоод амралт ч байхгүй өглөө арван нэгэн цаг хүртэл буудалцсан. Нэг их том дуутай буугаар хасгууд буудаад. Бодвол миномёт л байсан байх. Дээгүүр сум ульж исгэрээ л хэцүү л байсан.

Сум тэгж ульж байхад юу бодогдохов?

-“Энэ жил оногдоогүй онд орсон юм. Одоо яг энд тусвал ч амьд үлдэхгүй юм байна даа” гэж бодогдож байсан. Зарим хүн “Би тэдэн хүн алсан” гэж худлаа хөөрлөж л байдаг юм. Ачир дээрээ хэн ч хэдэн хүн буудсанаа мэдэхгүй ш дээ. Зүгээр чиглүүлээд л буудаж байгаа юм чинь тийм баримжаа огтхон ч байхгүй шүү дээ.

Манайханд тийм хүчтэй миномёт зэрэг зэвсэг байгаагүй юм уу?

-Чухам сайн санахгүй юм. Ямар ч байсан бид өөрсдөө нэг нэг винтовтой, 120 сумтай, хоёр гранаттай л байсан юм даг. Хятадуудыг ухарч явсны дараа Мадриг дарга шалгаж үзээд “Биднийг хоёр зуухан метр газар л бүслээгүй байсан байна. Нэг ёсондоо цагирагт байж. Гэхдээ энэ хятадууд ямар тэнэг юм бэ. Газар ухалгүй урдаа л нэг жаахан газар хад чулуу овоолчихсон байх юм. Тэрэнд чинь сум тусаад ёстой хядаж өгнө шүү дээ” гэж байсан гэдэг. Биднийг бүсэлсэн дайсны тэр хэсгийнхний байсан газар болгонд л нил цус тогтсон байсан юм гэсэн. Хятадууд хүзүүгээ нэвт буудуулсан жороо шарга морь, шархандаа хувин шиг том болчихсон толгойтой нэг хятад хоёроо орхиод буцсан. Тэр хятадыг 24 дүгээр отряд дээр аваачиж эмчилж хүн болголоо л гэсэн. “Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлайн хамаатны хүн байсан гэнэ” гээд шуугьдаг байсан. Бид тэр бүхний нарийн учрыг яаж мэдэх вэ.

Цэргээс халагдаад хаана ажиллаж амьдрав?

-Ховд аймагтаа, бичиг үсэгт тайлагдсан болохоор Эвлэлийн хороонд нэг хэсэг ажилласан. Сар гаруйн дараа аймгийн даргын нарийн бичгээр гурван жил ажиллаад Хүн эмнэлгийн техникумд элссэн. Төгсөөд Төв аймгийн Баян сум, Жанчивлан рашаан сувилалд ажиллаж байгаад улсад дөчин таван жил ажиллаад тэтгэвэрт гарсан даа. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн даргаар тэтгэвэрт гарахаасаа өмнө нэлээд олон жил ажилласан. Ховд аймгийн Буянт сумын Санжаагийн Нямхүүтэй ханилж таван сайхан хүүтэй болсон доо. Одоо ач нар маань төрж өссөөр олуулаа боллоо доо.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрөлх ойдоо төөрдөг сармагчин ч гэж юу байх вэ дээ

Одоо юм л болбол “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэж атны тавхай аман дээр тавих болж. Ийн хэлж буй нөхдийг үнэхээр түүх уламжлалдаа гүнзгий мэддэгийн далай болсон хүмүүс юм уу гэхээр ачир дээрээ огтхон ч тийм биш. Харин ч гүехэн устай бяцхан цөөрмүүд байх нь олонтаа. Эзэн богд Чингис хаан минь гэцгээх атлаа хямдхан архи, тамхи, боов боорцгоо хүртэл тэнгэрийн алдарт тэр хүмүүний нэрээр овоглож, арай л ариун цэврийн цаас, бүсгүй хүний өдөр тутам хэрэглэдэг самбайг тийн нэрлэх нь халаг. Өгөдэй, Хубилай, Галдан бошигт, Өндөр гэгээн нэртэй архи сархад, цай үй түмээрээ бий. Монголын төр засаг хүртэл “Монгол бахархлын өдөр” хэмээн сүржиндүү нэртэй даржиндуу ёслол бий болгож, баахан л халхайсан улс хэлхийсэн дээл өмсөн нийслэл хотоор нэг хөлхөх нь сансрын гэгдсэн энэ эринд үлгэр домгийн баатрууд амилан ирсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ цаг үе бол шинжлэх ухаан хөгжиж, оюун ухааны ололт амжилт халгисан түүхийн нэгэн мөчлөг. Тиймдээ ч ухаант хүмүүн төрөлхтөн яавал амар жимэр, эвтэй найртай, энгүүн даруу аж төрөх вэ гэдгийг тал талаас нь тунгааж, өндөр хөгжилтэй улс орнууд иргэдээ хөгжүүлэх, амьдралын баталгааг нь улам сайхан болгохын төлөө зүтгэж байхад манайхан элийрсэн баларсан эртээ урьдын цагаа санагалзаж суух нь хунгийн сүрэг дунд буй нугасны муухай дэгдээхэй шиг өрөвтөр. Түүхээ уншилгүй л яахав, судлалгүй л яахав. Хамгийн гол нь өнөөгийн амьдралынхаа чиг баримжаа болгож, цээжээ дэлдэн бахархана гэдэг дэндүү гунигтай. Түүх бол хүн төрөлхтөний бахархал биш туулсан замнал нь. Түүх судлаад улс орон диваажин болтлоо хөгжчихдөг гэвэл даанч өрөөсгөл. Түүх бол хөгжлийн түлхүүр огтхон ч биш. Харин түүхээс суралцаж, алдаагаа давтахгүйд л түүхийн жинхэнэ мөн чанар нь оршдог. Тэгэхээр түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг үг амны уншлага болгоод байхаар зүйл биш байгаа биз. Төрөлх ойдоо төөрдөг сармагчин ч гэж юу байлаа. Түүх бүтээсэн өвөг дээдсийн үр сад байтлаа сармагчин болчихдог ард түмэн ч гэж хаана байлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй зохиолч олон ч даанч гарч чадахгүй л байна

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 266
(5218) дугаарт>>

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, шог зураач Цэндийн Доржготовын хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.

-Танай ангийн Казубов гэж мундаг зураач сургуульдаа үлдээд таныг монгол оюутнуудаас их сурагладаг байсан гэж сонссон юм байна?

-Тэр ч мундаг зураач. Тэрнээс чинь том Алексеев зэрэг сүрхий зураачид бий. Би нэг жилийн дараа сэтгүүлчийн ангид яв гэж Цэндийн Намсрай эрхлэгчийг хэлэхэд “Хойтон хөгширчихнө” гээд зургийн ангид явсан хэрэг л дээ. Намсрай гуай намайг хорин дөрвөн настайг сонсчихоод их инээж билээ. Их сайхан хүний төлөө сэтгэлтэй хүн байсан даа. Би “Үнэн” сонины эрхлэгч хэд хэдэн хүний нүүр үзсэн хүн. Тэднээс Намсрай гуай л надад хүнийхээ хувьд сайнаараа үлдэж. Бид хөдөө хамт явна. Зуун грамм татна. Надад их сайн. Төгсөж ирээд Боловсролын яамны харьяа сэтгүүлийн нэгдсэн редакцид ажиллаж байгаад “Тоншуул”-даа ирсэн дээ. Социализмын үед боловсон хүчнийг сайтар сонгож чаддаг байсан юм шүү. Одоо бол мэдэхгүй, мөнгөтэй, танил талтай хүн л өөдөө өгсдөг гэх юм. Энэ ч их муу юм байгаа юм шүү.

-Та уран бүтээлдээ ямар зарчмыг баримталж ирэв?

-Ухаажсан уншигчийн сэтгэлийг уярааж, ходоодыг гижигдэж, инээд нулимс хоёрыг холих дуртай. “Өрөвдөх сэтгэлээ хошин аясаар өнгөцхөөн хучаад үзгээ барь” гэж өөртөө захидаг. Инээхгүй юманд инээх дургүй учраас ухаарч инээцгээе гэж уриалдаг. Уншигч цөөрөөд зохиолч олшроод буйд харамсдаг. Би тэмцэгч биш өчүүхэн мэдрэгч нэгэн. Авьяастай байх томоотой байхаас хэцүү гэж бичсэн удаа бий. Ухаантан олшроод өрөвч сэтгэлтэн цөөрч буйд эмзэглэдэг бөгөөд энэ эмзэглэл зохиолын сэдэв болох нь бий. Амьдрал бол явж явж нулимс. Амьдрал дан инээд биш. Амьдрал нулимсаар төгсдөг. Нас өндөр боллоо. Нэг мэдэхнээ өөрийн эрхгүй энэ сэдвээр бичиж эхэлжээ. Шударга нь шударга бусыгаа дийлээсэй гэж би залбирдаг. Шударга бус нь шударгыгаа дийлэхэд шаналдаг. Энэ шаналал миний уран бүтээлийн эрэл болдог. Тэгээд ч би гол төлөв гарц хайсан шүүмжлэлт зохиол бичжээ. Би хар багаас ямар нэг юм өөд тэмүүлээд буй юм шиг амьдарсан хүн. Юунд тэгтлээ тэмүүлээ вэ гэж эдүгээ тунгаахад “Шударга нь шударга бусыг дийлдэг нийгмийг” энэ яваа насандаа нүдээрээ үзэхсэн гэж тэмүүлсэн бололтой.

Зүүн гар талаас зохиолч
Ш.Жамлийхаа, П.Пүрэвсүрэн, Ц.Доржготов нар. Орон нутагт ажиллахаар томилолт
авсны дараа. 1980 он

Миний уран бүтээлийн өнгө аяс “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн бодлогод яв цав тохирсон бололтой. Би тус сэтгүүлийн зохиолч нь, зураач нь, эрэн сурвалжлагч-сэтгүүлч нь, дизайнер нь, орчуулагч нь, хянагч нь, нийтлэгч нь болж, залхуу заваан, худалч хулгайч, бэртэгчин луйварчин, хүнд сурталтан, бялдууч матаач нартай үзэж тарж явлаа. “Тоншуул” сэтгүүлийг авьяаслаг тавхан хүн сард хоёр удаа гаргаж, захиалга нь 120 мянгад хүрч, жилд МАХН-ын санхүүд 400-500 мянган төгрөг оруулж явсан учраас бид тав нүгэлгүй орлогоор амьдарчээ. Намайг гучин гуравхан насандаа 64 дүгээр дэлгүүрийн эндэх байрандаа ороход “Монцгоруудын байранд орлоо” гэж байлаа. Тэр үед эхнэр маань хорин наймтай байж.

-“Тоншуул” ч танд буянаа хайрлажээ…

-“Тоншуул”-ын заасан замаар замнасны буянд хэдэн хүүхдээ нялхаас нь, хайрт гэргийгээ залуугаас нь хотын төвд тохилог байранд муугүй амьдрууллаа. Би “Тоншуул”-даа юу бүтээв гэж хааяа боддог юм. Миний шог зураг, хошин өгүүллэг, нийтлэл, орчуулга энэ сэтгүүлийн хуудаснаас дөчөөд жил тасраагүйг тавиас далан насныхан бараг андахгүй биз дээ. Гадаадын уралдаануудаас миний хүртсэн медалиуд “Тоншуул”-ын сан хөмрөгийг баяжуулсан л байх учиртай.

-Гэргий тань хаанахын хүн билээ?

-Миний хань Мягмаржав Булган аймгийн Могод сумын хүн. Хойшоо сургуульд явахынхаа жил би 24-тэй, энэ маань 19-тэй анх танилцаж дотносч байлаа. Оюутан байхдаа би 1967 онд гэргийгээ дагуулаад аав ээждээ очлоо. Тэр хоёр маань хүү, бэр хоёроо үзээд жигтэйхэн их баярласан. Аав ээжээ тэгж хөөрч байхыг үзээгүй. Маргааш нь аав дээл хувцсаа сольж, аль сайн морио унаад Гашууны гол өгсөөд айл хэсэхээр давхилаа. Ээж “Аав чинь манай хүү хөөрхөн охин дагуулаад ирлээ” гэж зарлахаар яваад өглөө гээд шоолж байж билээ. Өглөө эрт адуугаа цуглуулахаар морьтой давхихад өндөр ургасан ногоо өвдөг шүргээд гутал шүүдэрт шал нойтон болдогсон. Морьтой давхисан миний мөрөөр ногооны толгойд хоносон шүүдэр гүвэгдэн унаад, хар ногоон зураас шүүдэрт мөнгөрсөн цэлгэр тал дундуур их тод дурайж хоцорно. Ямар сайхан зун байгаав дээ. Давхиж давхиж гэр өөдөө харахад Мягаа минь миний араас харуулдсаар гадаа зогсож байна. Айлын бэр болсон томоогүй охин надгүйгээр танихгүй хүмүүсийн дунд хоцрох эвгүй л байсан биз дээ. Хань маань намайг оюутан байхад Могоддоо таван жил сургуулийн хичээлийн эрхлэгч, намын гишүүн болчихсон сүрхий л ажилтай албатай хүн байлаа. Ууган охин Оюунгэрэл маань намайг дөрөвдүгээр курст байхад төрсөн юм.

-Баабар гуай таныг “Монголын ганц сэтгэгч зохиолч” гэж жигтэйхэн их хүндэлдэг юм билээ…

-Дэндүү даруу биш боловч өчүүхэн намайг Монголын орчин үеийн хошин зохиол, шог зурагт шинэчлэл хийсэн өвгөн хэмээн бичсэнийг хэвлэлээс үзээд зорьсондоо жаахан ч болтугай дөхсөн юм болов уу гэж мунхарч суудаг. Баабарын тухайд гэвэл тэр түүний л үг. Баабар бол хэзээ ч, хэний ч тухай, юу ч бичсэн одоо байтугай социализмын үед айгаагүй зохиолч. Унаган ийм л зантай хүн байгаа юм. Сэтгүүлч Б.Ерэнтэйг оюутан байхад дэргэдээ ажиллуулж байгаад сургуулиа төгсөнгүүт нь татаж авсан юм. Тэгэхэд л Ерэнтэй “Польшид сурдаг Батбаяр гэдэг залуу таныг бишрэн шүтдэг” ухааны юм хэлсэн. Сүүлд надтай танилцуулахад ёстой нэг улаан эсэргүүтэй л учирчих шиг санагдсан. Би өөрийгөө социалист тогтолцоонд шүүмжлэлтэй ханддаг, өөрөөр сэтгэгч овоо эсэргүү гэж боддог байсан юм. Тэгсэн чинь Баабар гэдэг залуу чинь социалист системийг улаар нь эсэргүүцсэн аугаа бодол санаатай амьтан байж таарсан шүү.

-Та нийт хэдэн ном хэвлүүлсэн байх юм?

-Гуч гаруй ном хэвлүүлсэн байна. Түрүүчээс нь тав зургаан боть болгоод явж байна. Саяхан “Цав цагаан” хэмээх уран зохиолын өгүүллэг, дурсамж эсээ, түүхийн манан буданг сөхсөн нийтлэл бүхий шинэхэн номоо уншигчдад өргөн барилаа.

-Зохиолчид “Ном хэвлүүлээд ер зарагдахгүй юм” гэж эвэр хошуулах нь бий. Таны номууд аль хэр зарагдаж байна?

-Миний ном хэвлэгдээд дэлгүүрт очлоо. Удалгүй л дуусчихлаа гэж утасдах юм байна ш дээ.

-Зохиолч Жагдалын Лхагваа гуайн “Атга чулуу” номыг уншиж байхад та хоёр сэтгэлийн их андууд байсан юм шиг санагдсан шүү?

-Үнэн. Бид хоёр чинь зүс зүсээ харж танилцалгүй, бүтээлээ уншиж, нэгнээ их тоож, хоёр талаасаа хүсэж уулзсан хоёр. Тэр Киевт, би Москвад сурч байлаа. Уулзтал хоёулаа шар айраг уудаг юм байна, хоёулаа ч зуу татдаг юм байна. Ярьж өгсөн дөө, хоёулаа. Хамгийн гол нь Лхагваа маань надад уран сэтгэмжийн их мастер, хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байх юм. Би яруу найрагчидтай нэг их үерхэж явсангүй, анхнаасаа шүлэг найраг оролдоогүй болохоор их төсөө хүн. Лхагваатай харин их найзална. Лхагваа маань Үнэ стандартын хороонд “Техник технологи” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллана. “Үнэн” сонин дээр Лхагвааг ирэхээр манай жижүүр, тэдний ажил дээр намайг очихоор жижүүр нь “Нэгнээ уруу татах нь, энэ хоёр алга болох нь” гэж их хардана. Манай гэр хотын төвд болохоор хүмүүс их ирнэ. Анх манайд ирэхэд ээж хаалга онгойлгож өгч. Бид нар хойд өрөөнд шуугиад дуулаагүй байгаа юм. Пальтогоо коридорт өлгөх гэхэд ээж “Наана чинь сул өлгүүр байна уу даа. Нил л хувцас байна” гэхэд Лхагваа “Урьд чинь уяа дүүрэн морьтой айлыг сайн айл гэдэгсэн. Одоо өлгүүр дүүрэн пальтотой айлыг ямар айл гэх вэ” гэсэн байгаа юм. Үүнээс хойш Лхагвааг ирэхэд ээж их дуртай нь аргагүй “Лхагваа хөөрхөн ярьдаг юм. Ирэхээр нь хэдэн үг тоншоод авъя байз” гэж хүсэн хүлээдэг болчихсон байсансан. Лхагваа маань их бичиж чадаагүй ч гоё. Тухайн үед өгүүллэг бичиж байсан нөхдөдөө жинхэнэ нөлөөлж чадсан зохиолч доо. Харамсалтай нь тун бага бүтээл үлдээсэн. Жамухын тухай роман бичнэ гэж нүдэнд харагдтал ярьж явсансан. Дорноговийн арван жилд байхдаа орос хэлд сайн байсных дэлхийн сонгодгуудтай эрт танилцчихсан, аль нэг улс, үндэстний төлөө биш үнэний төлөө гэсэн дэлгэр сэтгэлгээтэй, дэлхийн зиндааны зохиолч байсан даа.

-Аав ээжээсээ үлгэр домог сонссоор, өвгөд настны тууль хайлахыг чагнасаар зохиолч болсон гэж ярьцгаадаг. Танд тийм нөлөөлчихөөр юм юу байв?

-Манайханд тийм хүн байгаагүй. Их л нарийн ухааны хүмүүс байсан. Аав ээж хоёрын өглөөний цайгаа ууж суухдаа солих цөөн боловч жинтэй үг хүнийг танихад, миний ертөнцийг үзэх үзлийг бүрдүүлжээ гэж боддог. Миний өгүүллэг, нийтлэлүүд нэг тийм егсөн, ёжилсон маягтай байдаг даа. Тэд маань нэг тиймэрхүү л яриатай хүмүүс байсан. Манай ах хөдөөнийх юм чинь архи ууна л даа. Нэг дарга “Танай хүү архи уудаг юм уу” гэсэн чинь “Америкийн аюул л гэх юм. Атомын аюул л гэх юм. Хятадын аюул л гэх юм. Хөөрхий минь, алийг ч үзсэнгүй ээ. Ганцхан аюул үзлээ. Тэр нь энэ архины л аюул” гэж байсан гэж байгаа юм.

-Зохиолчид уран бүтээлээсээ болж хэлмэгдсэн тухай их ярьдаг. Танд тийм зүйл байх юм уу?

-Ганц нэг үг үсгийн алдаа гаргаж, сануулга ганц нэг авна. Гэхдээ тийм ноцтой юм байхгүй. Одоо чинь энэ сонин, зурагтын урсдаг зар харахад бөөн алдаа л харагдах юм. Бидний үед улаан, хар самбар гаргаад баалж өгдөг байлаа. Би худлаа бялдуучилж бичих дургүй. Чи миний гучин хэдэн номыг хараарай. Бялдуучилсан нэг ч өгүүлбэр байхгүй. Ийм үзэлтэй хүн чинь баригдахаас айна. Чойном эдэн шиг хад мөргөж үхээд яах юм бэ. Далд утгатай их бичнэ. Цэндийн Намсрай эрхлэгч “Далд утгыг мэддэг, мэддэггүй хүн байна. Далд утгандаа анхаараарай” гэж эцэг хүний ёсоор хэлж л байсан. Манайхан Лодонгийн Түдэв эрхлэгчийг сүрхий хүн байсан гээд магтаад байдаг юм. Надад бол Намсрай эрхлэгч л цөлх монгол ухаанаараа агуу хүн санагддаг.

-Та шог зургаараа гадаадын олон улсаас шагнал авчирсан биз?

-Далан хэдэн онд шог зураг дэлхий дахинд их моод болж цэцэглэсэн. Канад, Итали, Турк, Болгар, Голланд зэрэг улс оронд хоёр жил тутамд болдог олон улсын хошин шог зургийн уралдаанууд болдог байсан. Шог зургийн энэ цэцэглэлтийн үед нь соёлын гавьяат зүтгэлтэн Цэвгийн Байды бид хэд үзэж тарсан байгаа юм л даа. ЗХУ-ын Энхтайвны хорооны алтан медаль, Зөвлөлтийн фондын хорооны алтан медаль авч байлаа. Габровын хүндэт медаль хүртсэн. Тайлбаргүй шог зураг зурахад их ухаан ордог. Миний зохиолууд шог зургаас эхтэй юм. Хүн харахад хоёр мэргэжилтэй юм шиг боловч уг чанартаа нэг л юм байхгүй юу.

-Хятадын зохиолч Мо Ян “Дарсны орон” романаараа Нобелийн шагнал авлаа. Үй Хуа гэж баруунд танигдсанаараа Мо Янаас ч дутахгүй зохиолч байна. Зохиол бүтээл нь олон сая хувиар борлогддог болохоор тэд дэлхийн дэвжээнд гараад байна уу, эсвэл сэтгэлгээ нь үнэхээр тийм агуу байна уу гэж хувьдаа гайхаад байгаа. Таныхаар дэлхийн хэмжээний сэтгэлгээтэй монгол зохиолч байх юм уу?

-Сонин асуулт. “Чухам учир юундаа байна” гэж би наад тухай чинь их боддог юм. Жишээлбэл, миний хувьд “Улаан орхимжны давалгаа” романаа одоохондоо хамгийн том бүтээлээ гэж бодож байгаа. Өвөрмонголд хэвлэгдсэн. Наад асуултын чинь хариуг бид бодох хэрэгтэй. Бид мундаг аа, биднийг дэлхий мэдэхгүй байна гэж хэлэхээ больё. Яагаад гэвэл бид мундгаа үзүүлээгүй байгаа юм чинь дэмий шүү дээ. Сайн зохиолч гэдгээ үзүүлэхийн тулд англи юм уу, хятад хэл дээр номоо гаргаж байж явна. Өөр нэг зүйл бол дэлхийн үнэлгээ чинь заримдаа хуурамч. Манайх чинь хүн ам цөөтэй, хөгжиж буй жижигхээн орон ш дээ. Хүчирхэг орны зохиолчдод өөрөөр хандаж байна. Би “Чонон сүлд”-ийг уншаад нэг их гайхалтай гэж бодоогүй.

-Надад ч гэсэн олигтой буугаагүй шүү…

-Номыг хаанаас нь ч сөхөөд харсан тэр хуудсанд гялалзсан афоризм, миний урьд нь бодож яваагүй сайхан дүрслэл, гоё хэллэг ч юм уу байхгүй бол уншилгүй хаячихдаг. Миний “Гичий чонын гиншээ” өгүүллэг маань даруу бусаар өгүүлэхэд “Чонон сүлд”-ээс илүү л бичсэн үү гэхээс санаа ур дутах зүйлгүй. Аягүй бол уран болсон. Монголчуудад гайхамшигтай зохиол их бий. Гунигтай нь биднийг голоод гаргахгүй бол яалтай ч билээ. Том жижиг орны ялгаа, хэлний саад яах аргагүй байна. Тиймээс энэ тал дээр л бид хичээх хэрэгтэй. Уран бүтээлч хүний ололт ч гэмээр бас нэг гол бэрхшээл бол “Би тэрнээс том” гэсэн агуу үзэл байдаг юм. Англи хэлнээ хэн нэгнээ гаргая гэхээр л зуу гаруй зохиолч багсайсан том том юмнуудаа авчраад шидчихнэ шүү дээ. Сонголт хийнэ гэхээр бас их зовлонтой. Монголын зохиолчдын эвлэлийг би дэлхийд монгол зохиолчоо гаргахын тулд анхаарлаа жинхэнэ хандуулж ажиллах ёстой гэж бодоод байгаа. Хэзээ нэг цагт монгол зохиолч дэлхийд гарах өдөр ирэх байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хорьдугаар зууны шилдэг романуудыг дахин хэвлэж уншигчдын хүртээл болгож эхэллээ

Түүхийн дэнсэн дээр тавиад үзвэл өнгөрөн одсон хорьдугаар зуун Монголын улс төрийн амьдралд хар цагаанаар ээлжилсэн агшин хормуудыг үлдээсэн ч харин урлаг, утга зохиолын түүхэнд алтан үсгээр бичигдэх олон гайхамшгийг үлдээсэн. Цөөхөн хүн амынх нь багаахан хэсэг л бичиг үсэгтэй байсан, олонхи нь гарын үсэг зурахдаа хурууны хээгээ л дардаг харанхуй балар тэр цагийн үүлийг сэмлэн ард түмэн кирилжин монгол үсэгт бүрэн тайлагдсанаар Монголын утга зохиолд ч гэрэл гэгээг авчирсан юм. Үлгэр туулиа цээжээрээ голдуу өгүүлэн хайлдаг байсан уламжлалт монголчуудаас бичгийн мэргэд, их зохиолчид олноор төрөн гарч, улмаар улс түмнийхээ түүхэн хувь заяа, ард түмний аж амьдралыг цаг хугацаа-орон зайн өргөн дэвсгэр дээр дүрслэн дүржүүлж, туурвилчийнхаа хувьд романч хэмээн алдар­шиж ирсэн байдаг. Монголын их утга зохиолын хорьдугаар зууны амьдралыг томоохон хэлбэрээр хүүрнэн өгүүлсэн бичгийн их зохиолчдын бүтээлүүдийг өнөө ч уншигч олон хүсэн хүлээж, уншин шимтсээр байна.

Номын хямдрал зарлаж шуугиулаад байсан “Аз хур” номын их дэлгүүрт өчигдөр “XX зууны шилдэг роман” цуврал номын нээлт болж, зохиолч, яруу найрагч, уншигчид олноор хүрэлцэн ирсэн байв. “XX зууны шил­дэг роман” цувралын эхний ээлжинд төрийн хошой шагналт зохиолч Донровын Нам­дагийн “Цаг төрийн үймээн”, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын “Их хувь заяа”, төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хөгжмийн эгшиг”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэвийн “Усны гудамж” зэрэг романууд өнгө, чанарын өндөр түвшинд хэвлэгджээ. “Их хувь заяа” романы зохиогч С.Удвалын хүү Өнөбаатар номын баярт хүрэлцэн ирж ээжийнхээ романыг хэвлэсэн “Мөнхийн үсэг” группийн хамт олонд талархсанаа илэрхийлж “Монголын ард түмэн бол их хувь заяатай ард түмэн. Тэр их хувь заяаг ардын Хатан­баатар Магсаржав нарын эрэлхэг зоригтнууд дархалсан түүхтэй. Ээж маань Монголын ард түмний тэр л түүхэн үйл явдлыг уран сайхны дүрээр Монголын их утга зохиолд мөнхлөх хувьтай байж” хэмээсэн юм. С.Удвал бол гадаадад Монголын амьд нэрийн хуудас болж, ХХ зууны дунд болон сүүл үеийн дэлхийн олон алдартай хүмүүс, тухайлбал, Бразилийн зохиолч Ж.Амаду, Кубын яруу найрагч Николос Гильен, Чилийн яруу найрагч Пабло Неруда, ЗХУ-ын зохиолч Константин Симонов, сансрын анхны нисгэгч эмэгтэй В.Терешкова, Дагестаны их яруу найрагч Расул Гамзатов, Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхны ерөнхийлөгч Эжени Коттон нартай нэгэн зиндаанд үерхэж нөхөрлөж явсан их хувь заяатай уран туурвилч юм. “Их хувь заяа” романы хэсгээс Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Болормаа уран яруу уншиж, хурсан олонд толилууллаа.

“Манан будан”, “Зүрхний хилэн” зэрэг түүхэн их хөлгөн туульсуудыг туурвигч Жамбын Пүрэв агсны хүү П.Эрдэнэбат “Миний аав үнэхээр их хөдөлмөрч, авьяастай зохиолч байсныг түүний бүтээлүүд бэлээхэн гэрчилнэ. Бид ах дүү тавуул. Өнөөдөр энэ сайхан үйл явдалд Жамбын Пүрэвийн үр хүүхдүүд бид оролцож байгаадаа баяртай байна. Аавын минь “Хөгжмийн эгшиг” романыг хүмүүс их асууж сурагладаг байсан. Уншигч олных нь хайртай роман дахин хэвлэгдэж байгаа нь сайхан байна” гэж байлаа. “Хөгжмийн эгшиг” романаас Монгол Улсын ардын жүжигчин Цэрэндагвыг уншихад номын дэлгүүрт ялаа ниссэн ч сонсдом аниргүй болж, гагцхүү хийлч бүсгүйн тоглосон намуухан аялгуу л зохиолын яруу утгыг хүмүүний сэтгэлд уусган эгшиглэж, эх нутгаасаа алсад хувь заяаны эрхээр цөлөгдсөн романы гол баатрын уй гунигийг илтгэх аж. “Болор судар” газраас эрхлэн гаргасан цуврал романуудын дээжийг “Аз хур” номын их дэлгүүрийнхэн Монгол Улсын Үндэсний номын санд хандивласан.

Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг энэ үеэр “Хүрэн хаалгатай дэлгүүр” ардын дууг эвлэг намуухан хоолойгоор аялж, “Цаг төрийн үймээн” романыг зохиосон их зохиолч Д.Намдагийн хүү Н.Төгөлдөрийн гэргий Баясгалан хүрэлцэн ирж уншигчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч, судлаач эрдэмтэн Үржингийн Хүрэлбаатар “Намдаг багш маань “Цаг төрийн үймээн” романаа бичиж байхдаа бие тэнхээрхүү байсан ч авьяас билгээ шавхан, ядрал зүдрэлийг умартан ажиллаж байсан нь өнөөгийн бичиг номын хүмүүст үлгэр дуурайл болох нь дамжиггүй” гэж байлаа. “Цаг төрийн үймээн” романы хэсгээс БСШУЯ-ны мэргэжилтэн Баянзул уншиж сонирхуулав. Монголын шилдэг роман цувралын нээлтэд Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн Аюурзана, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч С.Оюун, МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач эрдэмтэн Пүрэвхүүгийн Батхуяг, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуй, МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ, Цүрэмийн Мухар нарын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байлаа.

Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв шилдэг роман цувралд багтсан бүтээлийнхээ тухай “Усны гудамж” роман маань 1990 онд дөчин мянган хувь хэвлэгдэж байсан, гучаад оны их хэлмэгдүүлэлтийн тухай роман юм. Эднийх сая арван мянган хувь хэвлэсэн гэж бодвол миний бүтээл тавин мянган хувиар уншигчдад хүрчээ гэсэн үг. Энэ бол Монголдоо л том тоо учраас зохиолчийн хувьд их баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа. Түүний “Усны гудамж” романы гол дүрийн монологийг жүжигчин Б.Эрдэнэцэцэг уншсан юм. Санжийн Пүрэв зохиолч бас “Би зохиолч Жамбын Пүрэв гуайтай нэр нэгтийн хувьд ч, авьяас хөдөлмөрийг нь хүндэлдгийн хувьд ч “Үлгэрийн танхим”-д ажиллаж байх үеэс нь сайн танина. Сономын Удвал даргатай утга зохиол сурталчлах ажлаар хөдөө орон нутагт олон удаа хамт явж байсан сайхан дурсамж үлдсэн. Донровын Намдаг гуайг 1950-иад оны эхээр гудамжинд цагаан малгайтай явж байхыг манай ангийн Гончиг хэмээх хүү зааж өгч, алсаас бишрэн дагаж явсан минь илхэн байна. Ийм гайхамшигтай зохиолчдын романтай миний бүтээл зэрэгцэж гарсан нь цаанаасаа их хувь учрал байжээ” гэж сэтгэлийн үгээ хэлсэн юм. Тэрээр хөлөө бэртээгээд гэмтэлтэй байсан ч суга таяг тулан хүрч ирсэн байлаа.

“Аз хур” дэлгүүрээс Монголын шилдэг романы цувралуудын нээлтийн баярт ирсэн уншигч, худалдан авагчдад үнийн дүнгээс гучин хувийн хөнгөлөлттэй борлуулалт хийх эрхээр урамшуулсан аж. Эднийхэн цаашид Монголын зохиолчдын шилдэг тууж, өгүүллэгүүдээс бүтсэн ботиудыг цувралаар хэвлүүлэх болсноо мэдэгдэж байсан. Номын баяр нээлтийн үйл ажиллагааг ардын жүжигчин Цэрэндагва

“Гэсэр, Жангарыг хайлсан өвгөн товшуурын утаснаас

Цагаан гарьдын нүд мэлтэс мэлтэс гэрэлтлээ

Гишүү зандан бичгээр гүрний түүхийг товчоолсон

Хаш судрын магнайд алтан солонго татлаа…” хэмээсэн билэгт сайхан үгийг хүнгэнүүлэн уншсанаар “Аз хур” номын их дэлгүүрт зочилсон номын гэгээн садангуудаа үдсэн билээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж