Categories
мэдээ цаг-үе

Ламжавын Мягмарсүрэн: Оюун ухаан газар дэлхий, сэтгэл зүрх харин тэнгэр огторгуй юм

Д.Нацагдоржийн болон МЗЭийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.

Зохиолчдынхоо байгууллагын үүсэн байгуулагдсан өдөр их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар энгэрээ мялаалгасанд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Хөх мөнх тэнгэр аав минь, хөрст этүгэн эх газар минь, наран аав минь, саран ээж минь, одон гараг ахан дүүс минь, долоон бурхан, нар, ус, агаар чандмань эрдэнэ минь миний хүн болж төрсний их хувь заяа юм. Тэргүүлшгүй, эгнэшгүй, сэтгэшгүйгээс төрөл аваагүй хүн гэж энэ орчлонд нэгээхэн ч үгүй юм гэнэ лээ. Ааваас өдөөгдөөд, ээжээс бүрэлдээд хүний их хувь заяанд энэ сайхан цаг үед аж төрөөд, урлаг яруу найргийн сайханд сэтгэлээ ариусгах шиг гайхамшиг үгүй. Үүнийгээ түмэн олноороо хүлээн зөвшөөрүүлэх шиг сайхан юм гэж хаа байх билээ.

ТаУрины шувууанхны түүврээсээ хойш өнөөг хүртэл жил бүхэн оюуны шандас чангарч ирсэн уран бүтээлч. Сүүлийн жилүүдэд гэхэдХас сар”, “Тэнгэрийн нутагзэрэг чансаатай бүтээлүүд туурвихдаа нэг ч шүлэг давхардуулахгүй бичсээр ирсэн онгод билигтэн. Зарим хүнЯруу найраг бол залуу насны үйлгэлцдэг. Тийн атал та ийм их онгод билиглүүн байдгийн нууц юундаа байна?

-Уран бүтээлч хүнд уншиж мэдэхийн их далай, туулсан аж төрөл, үүрсэн насаараа ухаажиж, мэргэжихийн гайхамшиг заяадаг. Жар хүрсэн энэхэн наснаас харахад би чин сэтгэл зүрхнээсээ аж төржээ. Маш шударга, үнэнч, харгүй аж төрөх шиг сайхан юм байдаггүй. Хүн том эрх тушаалтай болж болно, мөнгөжиж хөрөнгөжиж болно. Хамгийн гайхамшиг нь л хүний бүтээсэн туурвил юм. Их сайхан сэтгэл зүрхтэй хүний голоор улаан цус, цагаан атаа урсдаггүй. Цагаан сүү урсдаг гэж л боддог. Оюун ухаан гэдэг бол газар дэлхий, сэтгэл зүрх бол тэнгэр огторгуй. Оюун ухаан хөлдүү, залхуудуу зүйл. Энийг гэсгээж байдаг зүйл бол сэтгэл зүрх. Хүн аливааг бодож хийдэггүй, сэрж мэдэрч хийдэг.

Тэнгэрлиг найргийн бурхан болсон сайхан багш нарынхаа тухай дурсаач?

-Миний багш Мишигийн Цэдэндорж бол Монголын яруу найргийн үзэгдэл байлаа. Өнөөдөр би нэрэмжит шагналыг нь хүртээд байгаа их Нацаг багш, Явуу найрагч, Нямдорж багш, дорнын яруу найрагч Данзангийн Нямсүрэн нар бол дээдийн дээд ямар л тэнгэрээс ирсэн нь бүү мэд, тусгай тавилттай элчин хүмүүнүүд. Цэдэндорж багш бол номоор их эрдэмжсэн, цаг үеэсээ түрүүлж төрсөн хүн. Өөрийн цаг үеэсээ илүү хойч үеийнхээ цагийг эзлээд төрчихдөг.

Бэгзийн Явуухулан багш тань таны анхны номыг өндрөөр үнэлсэн гэдэг байх аа?

-Явуу багш “Урины шувуу” номын маань өмнө “Энэ хүүгийн авьяас эхнийхээ шүлгээс авахуулаад сүүлийн шүлгээ хүртэл улаан шугам нэвт гэрэлтэж байна” гэж урмын сайхан үгээ хэлсэн. “Хүргэн хүү” кинон дээр “Юм үзээгүй юм болохоор Дэмбэрэл их баярлаж байна лээ” гэдэг шиг багшийн үгэнд би магнай хагартлаа баярласан. “Мягмарсүрэн эмч мэргэжлийг шилэн сонгож авсан. Харин Мягмарсүрэнг сэтгэл зүрхний оройн чимэг яруу найраг гэдэг мэргэжил сонгож авчээ” гэсэн нь надад их урам хайрласан. М.Цэдэндорж багш болохоор “Миний хүү хүний түрүүнд явна гэж битгий бодоорой. Сүүлд нь явна гэж бүү гундаарай. Дунд нь яваарай” гэж захиж байсан. Цэдэндорж багш минь “Өөрийн үеийн сайхан хүмүүстэй нэгэн цаг үед нэр төртэй аж төрөх шиг гайхамшигтай зүйл үгүй. Амьд хүнд хайр хэрэгтэй, тэнгэрт одсон хүнд алдар хэрэгтэй” гэдэг хүн байсан. Ямар ч агуу ухаантай хүн байсан юм. Нямбуугийн Нямдорж багш “Мягаа миний дүү, агуу их Сартр чамайг хүлээж байна. Хүн ууланд мацсаар байгаад гарч болно. Уулнаас буух л хүнд байдаг юм шүү. Цэцгээ сайн услаарай. Чимэгээгээ сайхан хайрлаарай” гэсэн юм. Мунхаг юм чинь би тэр үедээ сайн ойлгохгүй шүү дээ. Сүүлд бодоод үзэхэд “Шүлгээ сайн бичээрэй, ханиа сольж болохгүй шүү” гэсэн үг байсан юм билээ. Энэ гурван багшдаа мөргөж залбирч, шүлэг найргийг нь биширч явах юм. Их газарч хүн бол дандаа эргэж харж явдаг юм гэнэ лээ. Түүн шиг монгол эх хэл, соёлоо эргэж харж явсан хүн л мэргэдийн газарч болдог юм байна. Хүн өөрийгөө ачих нэг хэрэг. Үзэж туулсан, үетэн чацуутнаа авч явна гэдэг том юм байдаг юм байна. Хүн сэтгэл зүрхээ дарж бас асааж явах хэрэгтэй.

Аав чинь ер нь юу хийдэг хүн байв?

-Миний аав дөрөвдүгээр ангиа төгсөөд аймгийн сургуульд явах гэтэл өндөр эмээ маань бурхан болоод зургаан өнчин дүүтэйгээ хоцорсон юм билээ. Ээж нь гучин зургаахан насандаа бурхан болсон. Ингэж аав минь амьдралын төлөө зүтгэсэн байдаг. Өвгөн аав минь улаан бурхантсаны улмаас цоохор болсон нүүртэй Чулуун гэж хүн байсан. Сумандаа олон жил түрүүлсэн бөх хүн байж. Манай өвөөгийнх эвэр нь хөхөрсөн ямаатай, тав зургаан мянган малтай айл байсан гэдэг. Хожим хөдөлмөрийн баатар болсон Тувааннайдан гэдэг хүний уруу татсанаар аав өвөөгийн тасалж өгсөн гурав, дөрвөн мянган малыг орхин жолооч болохоор шийдсэн юм билээ. Би, миний бүсгүй дүү хоёр төрчихсөн үе. Тэр үед жолооч болно гэдэг жил зургаан сар сурдаг байж. Өвгөн аав аавыг шилдэн, адууны хомоол аманд бариад “Ламжав аа, чам шиг ардаа нүдгүй хүн жолооч болдоггүй юм” гэж байсан байдаг. Аав сумын начин цолтой хүн байсан мөртлөө аавдаа тэгж шилдүүлж байсан гээд бод доо. Би хөгшин аавтайгаа мал маллана. Бичгийн нуруу гээд зөөлөн баргилттай сайхан ууланд хүйтэнд хөмөн гуталтай, хөдсөн дээлтэй хүн болж өслөө. Тэр үед бээлий ч байхгүй. Үнэгэн сүүл ханцуйндаа хийгээд малд явна. Билүүний зөөлөн баргилтаар юм сийлэх дуртай хүүхэд байлаа. Өнөөдөр хөдөөнийхөн мотоциклиор малаа хариулж байна. Монгол хүн морьтойгоо байж байж л монголоороо үлдэнэ.

Таны гадаад төрх европжуу шүү. Арай гадны цус хольцтой юм биш биз?

-Манай өвгөн аав холын цустай хүн байсан байж магадгүй. Миний удамд зэрэг зиндаа өндөр тайж угсаатай хүмүүс ч байсан. Бас орос, герман хэлтэй хүн ч байсан юм билээ. Миний удамд Сономын Лочин, генерал Пүрэвдорж, Санжийн Пүрэв баавай нар бүгд орно. Манай удмынхнаас хамгийн алдартай хүн бол ээжийн хамаатан Ама Бямбадорж байна. Бөхчүүд олон байдаг. Би ч бас залуудаа барилдаж, уулын спортоор хичээллэдэг байлаа.

Хүүхэд байхад чинь юу гэж хочилдог байв?

-Намайг “Ногоон муур” гэдэг байсан. Энэ хочиндоо их дургүй байсан. Чимэгээ эгч нь яаж намайг тоосон юм бол одоо ч гайхаж л байдаг юм.

Чимэгээ эгчид таБолор чулуунд туссан сарны гэрэл адилхэмээх алдарт шүлгээ уншиж өгсөөр байгаад уяраагаад аваад суучихсан юм биш үү?

-Тэр шүлэг чинь яах аргагүй миний залуу насны сэтгэл зүрх шингэсэн бүтээл л дээ. Залуучууд цээжээр их унших юм билээ.

Та тэр шүлгээ нэг сайхан бүтэн уншаад өгөөч?

Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан, татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйд нөхцөн алдарнам.

Чиний инээд үдшийн агаараар улаалан ирж

Миний сэрэхүй бүхнийг гижигдэн эрхэлнэ.

Чиний инээдний сайханд өрөөний чинь цонх ч

Өөрийн эрхгүй баясан инээх шиг санагдана.

Чамайг элэгдэшгүй хайраараа өлгийдөн тэвэрч

Чиний инээдийг салхинаас булаан газарт хүргэлгүй

Зүрхэндээ тосон авч, сэтгэлийнхээ хөрсөнд цацлаа.

Чанад итгэлээ өвөртлөн, үдшийн гэгээг уяртал

Чамайг бодлоороо энхрийлэн дурлалыг амталлаа.

Энэхэн биений минь эснээс нэг нэгээр нь тээн

Эргэлтгүй одох цагийг үрснээ би цагаатгалаа.

Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр, хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан, татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйд нөхцөн алдарнамгэсэн шүлэг л дээ. Чимэгээдээ залуудаа үүнээс ч сайхан шүлэг олныг зориулж явсан даа.

Зураач Шүнгийн Тэнгисболд таныгЗуунАйлын атаман байсангэж байсан. Уг нь таныг харахад их л зөөлөн хүн шиг санагддаг даа?

-Аравдугаар ангиа онц төгсөөд Анагаахын сургуульд орж, цэрэгт татагдан Цог генералын хүү Геннадийгийн удирддаг О65 дугаар ангид алба хаасан юм. Хүүхэд насанд хүн бүхэн л зүггүй байдаг даа. Харин сургууль соёл, цэрэг цуухаар явахаар томоождог юм байгаа биз дээ. Эрдэм номын гэрэлт багш нарын минь ч ач гавьяа байсан байж таараа. Анагаахын дээдэд сурч байхдаа Одончимэг гэж бүсгүйд дурлалаа.

Та одоо анхны хайраа тэгж шулуухан ярьж болж байгаа юм уу?

-Одончимэг гэж одоо Дарханд их сайхан бүсгүй байгаа. Залуу насны гэрэлт учрал сайхан л даа. Түүнээс хойш Чимэгээ эгчид нь үнэн голоосоо дурлаж, өдөр бүхэн тэмдэглэл хөтөлж, шүлгээ зориулсаар авч суусан даа. Ийм сайхан бүсгүй миний хань болно гэж залуудаа итгэж чадахгүй л явсан даа. Өнөөдөр хэдэн сайхан үрийн эжий аав болоод сайхан л амьдарч явна.

-“Галнэгдлийнхээ талаар дурсаач?

-Манай “Гал”-ынхан Гомбожавын Мэнд-Ооёогийнхоо хадам аав, ээж хоёрт насаараа баярлаж явах сэтгэлийн өртэй хүмүүс. Бат-Очирын Сундуй гэж сайхан яруу найрагч байлаа. Яруу найрагч Дагвадоржийн Цогт, Очирбатын Дашбалбар, Данзангийн Нямсүрэн, соёлын гавьяат зүтгэлтэн Жүмпэрэлийн Саруулбуян, Үржингийн Хүрэлбаатар, Шагдарсүрэнгийн Гүрбазар, төрийн сүлдний зураач Ойдов, доктор Ядамбатын Баатар, яруу найрагч Оюунцэцэг бид “Гал” бүлгэмдээ бие биеэ сайхан ирлэж өдий зэрэгтэй болцгоосон. Шүлгийг өдөрт арав хориор нь бичдэг байлаа. Нэгнийгээ урамшуулахдаа ч урамшуулж, шүүмжлэхдээ ч зад шүүмжилнэ. Бид ийм л найзууд байсан даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төрийн шагнал авах уран бүтээлчид олон л байна даа

Энэ жилийн төрийн шагналыг Буриадын зураач Намдагийн Дашнамд олгосон. Даши Намдаков хэмээх эл уран бүтээлчийг дэлхийд алдартай нэгэн гэдгийг манай урлаг соёлын хүрээнийхэн мэднэ. Харин Монголын ард түмэн бүгдээрээ тийм ч сайн танихгүй байх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогддог төрийн шагналд дүйцэхүйц уран бүтээлчид Монголд цөөнгүй. Харин нэр дэвшүүлдэг, дэвшүүлдэггүй нь л хаашаа юм гэхээс биш. Миний мэдэхээр, “Загийн алим”, “Суварган цэнхэр уулс”, “Мартагдсан дууль” зэрэг кино зохиол, “Эх газрын чулуу”, “Эргүүлэг” роман, “Азын цэнхэр уул”, “Уулын намар” тууж зэрэг олон сайхан бүтээл төрүүлсэн зохиолч Санжийн Пүрэвийг энэ шагнал яагаад тойроод байдгийг хэлж эс мэднэ. Түүний “Усны гудамж” хэмээх хэлмэгдлийн үеийн сэдэвт роман гэхэд ерээд оны эхээр тавин мянган хувь хэвлэгдэж, саяхан уншигчдын хүсэлтээр арваад мянган хувиар дахин гарсан. Тэгэхээр түүнийг уншигчгүй, авьяасгүй зохиолч гэж хэн ч хэлж чадахгүй.

“Паанан”, “Соёо” туужаараа Монголын их утга зохиолыг хөдөлгөөнд оруулж, монгол туужийн хөгжлийг алхам урагшлуулсан зохиолч Доржзовдын Энхболдыг “Монголын Хемингуэй, Фолкнер” хэмээн мэргэжлийн шүүмжлэгчид өндрөөр үнэлдэг. Энэ хүний энгэрт монгол төрийн алтан соёмбо тийм ч гялгар юм уу, эсвэл бүүдгэр харагдахгүй л байх. Түүний “Казиног номхотгосон түүх” роман номын зах зээлд тэргүүлж, оны шилдгээр тодорч байсан.

Тэрчлэн, “Хорин нэгэн хөрөг”, “Саран зэв”, “Түгшүүрт аялал” түүхэн хөрөг, тууж, эсээний ном туурвиж, Монголын 35 их хаан, Модунь шаньюйн хөргийг амилуулсан зураач-зохиолч Тангадын Мандир хэмээх эгэл даруу эгэлгүй нэгэнд Монголын төр мэхийх цаг нь болсон мэт. Овоон дээр хуурдан суугаа сохор хуурч өвгөн буюу “Их хөлгөн туульс” сонгодог бүтээл, шадар ван Чингүнжавын хөшөөг гайхамшигтай туурвисан зураач Шүнгийн Тэнгисболдод ч төр соёрхлоо хайрлахад ер буруудахгүй гэж мэргэжлийн судлаач шүүмжлэгчид ярих юм билээ. Төрийн маань гэгээн мэлмий энэ л сод авьяастнуудаа олж харахгүй л байх юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Дуучин П.Баярмагнай: “Оройн дээд” бол дуулалт жүжиг гэхээргүй дуурийн хэмжээний том бүтээл болсон

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхны уран бүтээлОройн дээддуулалт жүжгийг тайзнаа дахин тавьсан юм. Тус жүжгийн дараа Богд хаан Жавзундамбын дүрийг амилуулсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ҮДБЭЧын гоцлол дуучин П.Баярмагнайтай уулзаж ярилцсаныг хүргэж байна.

Та дуучны мэргэжлийг хаана эзэмшлээ?

-Би СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид Монгол Улсын гавьяат багш Д.Дашиймаагийн удирдлага дор 2003-2008 онд суралцаж төгссөн. Сургуулиа дүүргэсэн жилдээ урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуягийн найруулсан “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дүрд уригдаж дуулж байсан. Мөн тэр жилдээ бүх Оросын ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож “Өсөх ирээдүйтэй дуучин”-ы шагналыг хүртэж байсан минь сайхан дурсамж үлдээсэн.

Өөрийг чинь даруу бусаар магтахад сургууль төгссөнөөсөө хойш дуулалт жүжиг бүхний гол дүрд уригдаж дуулж байсан гэж сонссон. Ямар жүжгүүдэд тоглосон бол?

-Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад орсны дараа 2013 онд анх урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндолгор гуай намайг “Сүнжидмаа” дуулалт жүжгийн эсрэг баатар Навааны дүрд тоглуулсан юм. 2012 онд ардын жүжигчин Бирваагийн Мөнхдоржийн найруулсан Английн бичгийн их хүмүүн У.Шекспирийн “Зөрүүд эхнэрийг номхотгосон нь” жүжгийн гол дүр Лучинциогийн дүрд тоглосон юм байна. “Мартагдашгүй намар-2” уран сайхны кинонд Жижгээгийн дүрийг дэлгэцнээ бүтээсэн юм байна. Төрөлх Баянхонгор аймагтаа сонгодог урлагийг дэлгэрүүлж хөгжүүлье гэж хэдэн жил зүтгэсэн. “Учиртай гурван толгой” дуурийг аймгийн Хөгжимт драмын театрын тайзнаа тоглуулахдаа улсын нэр төртэй дуучдыг урьж, өөрөө Юндэнгийн дүрд тоглосон. Би “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Балган хоёрын дүрийг бүтээсэн. Цаашид худалдаачны дүрийг бүтээх юмсан гэж санаж явдаг.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай таныгСүнжидмаадуулалт жүжигт тоглоход их сайхан үнэлсэн байдаг даа?

-“Сүнжидмаа” дуулалт жүжгийг 1981 онд тайзнаа тавьснаас хойш гучин нэгэн жилийн дараа дахин дэглэж тоглосон юм. Тэгэхэд агуу их хөгжмийн зохиолч Лувсаншарав гуай “Навааны дүрийг залуу хүн гэхэд үнэхээр биширмээр бүтээж чадлаа. Миний санаснаас ч илүү бүтээлээ” гэж урмын үгээр мялааж байлаа. Энэ үг одоо ч миний сэтгэлд үлдэж, уран бүтээлийн их урам зориг өгдөг юм даа.

Томоохон дуулалт жүжигт уригдаж тоглохоос гадна уралдаан тэмцээнүүдэд овоо амжилттай оролцсон байх аа?

-Хорьдугаар зууны нийтийн дууны уралдаанд оролцож тэргүүн байр эзэлж гран при шагнал авч байсан. “Universe best songs-2011” наадмын шилдгийн шилдгээр шалгарч байлаа. “Морин хуур-2013” наадамд Жанцансамбуугийн ая, Ломолмаагийн үг “Сүүн совин” жүжгийн дуу маань “Оны шилдэг дуу”-гаар шалгарч байсан. 2014 онд Заг-Байдрагийн түүхт нутгийн тухай “Хүрэн бэлчир” дуугаараа бас энэ наадамд амжилттай оролцож байлаа. Өнгөрөгч есдүгээр сард Булган аймагт болсон төрийн соёрхолт Цэдэн-Ишийн Чинзоригийн нэрэмжит “Дууны хорвоо-2” улсын уралдааны гуравдугаар байрт шалгарлаа.

-“Оройн дээдтүүхэн дуулалт жүжигт та хэний дүрийг бүтээж байна?

-Манай хамт олон чуулгынхаа 65 жилийн ойд зориулан Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Пунцагийн Бадарч, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат нарын цомнол “Оройн дээд” үндэсний түүхэн дуулалт жүжгийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэ бүтээлд дал гаруй жилийн турш социалист агуулга үзэл суртлын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон Монгол Улсын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлдэг. Хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн Монголын ард түмэн хийгээд Чин Ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Түшээ гүн Чагдаржав зэрэг эрх чөлөөг эрхэмлэгч, дэвшилтэт үзэлт ноёд тайж болон Наймдугаар богд, Монголын сүүлчийн хаан Жавзандамба нар уг үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд юм. Миний хувьд Богд хааны дүрийг бүтээж байгаа. ”Оройн дээд” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор М.Бирваа ажилласан. Цомнол, аялгуу зохирсон сайхан бүтээл болжээ гэж мэргэжлийн олон хүн үнэлээд байгаа.

Богд хааны дүрийг ардын жүжигчин Нямын Цэгмид, гавьяат жүжигчин Цог гуай нар тайз дэлгэцнээ олны сэтгэлд хоногштол бүтээсэн. Өөрийн чинь бүтээж байгаа Богд хааны дүрийн онцлог нь юу байна?

-Энэ “Оройн дээд” жүжиг гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй томоохон бүтээл л дээ. Урьд тайзнаа тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурилаг шинж чанарыг агуулсан, дуучдын ур чадварыг хөгжүүлж шинэ түвшинд хүргэх уран бүтээл гэж манай урлагийнхан ярилцаж байна лээ. Дуулалт жүжиг гэдэг үүднээсээ хөгжим нэлээд зонхилох ч дуучны авьяас, мэдрэмж их шаардах бүтээл. Би өмнөх богдуудыг бодвол анхны дуулалт жүжгийн богд хаан гэдгээрээ онцлог. Уран сайхны богдуудынхаас тайзнаа олон түмний өмнө амилуулж байгаагаараа миний богдын дүр тэс ондоо л доо.

Таны дуулж байгаа хэсгээс сэтгэлд хоногшин, аманд өөрийн эрхгүй уншигдаж байгаа ямар үг ойрхон байна?

-Наймдугаар богдын үеийн Монгол маань улс гэр болох уу, харийн гүрний эрхшээлд хэвээр үлдэх эмгэнэлт үндэстэн байх уу гэдэг нь хутганы ирэн дээр дэнсэлж байсан түүхэн цаг хугацаа шүү дээ. Жавзандамба хутагт таван настайдаа Монгол оронд залагдаж ирсэн түвд хүн. Энэ хүн Монголын төлөө зүрхээ яаж цохилуулж байв аа гэдгийг л харуулах учиртай. Манжийн амбантай маргалдах үеийн үг сэтгэлд их ойрхон байна.

Амбан та тайвширч хайрла.

Адилхан хоёулаа гадны улс.

Цаст Түвдийн орноос би ирсэн

Цагаан хэрмийн цаанаас та ирсэнгэж хэлдэг үг их айхтар далд утгатай. “Та ч, би ч Монголын иргэн биш” гэсэн санаа байвч “Би бол Монголыг аврах гэж байгаа, та бол Монголыг залгих гэж байгаа” гэсэн давхар санаа энэ үгэнд багтсан байгаа юм. Манжийн амбан “Үгэн дотор үг, үхэр дотор гиваан байдаг”-ийг ер ойлгохгүй өнгөрч байдаг.

Жүжиглэнэ. Дуулна. Дуулалт жүжиг гээд байгаа чинь ер нь сонгодог дуурийн монгол хувилбар гэж ойлгож болох уу?

-Би дуулалт жүжиг гэхээсээ илүү дуурь гэж тодорхойлоод байгаа. Миний дуулж байгаа хэсгүүд дуурийн элементүүд орсон хүнд хэсгүүдтэй. Ганболд найруулагч, хөгжмийн зохиолч Бирваа нар ч анх дуурь гэж нэрлэх саналтай байсан. Дуурь гэхээр дандаа дуурийн мэргэжлийн дуучид байх ёстой. Гэтэл “Оройн дээд”-д ардын дуу, уртын дуу ч явж байдаг учраас дуурь гэхэд учир дутагдалтай юм гээд дуулалт жүжиг дээр тогтсон. Зөвхөн Богд хаан, Дондогдуламын дүрээр бол яах аргагүй дуурь л даа. “Оройн дээд” жүжиг маань өнөөдөр тайзнаа амилахаас гадна арванхоёрдугаар сарын 29-ний Үндэсний эрх чөлөөний өдрөөр тоглогдоно доо.

Тайзнаа Богд хааныхаа дүрийг ч бүтээгээд л, Төрийн ордонд Сүхбаатар жанжны үгийг ч хэлж жүжиглээд лхувьсгалын үйл хэрэгтань бүтэмжтэй сайхан л яваа юм байна. Ингэхэд хувийн амьдрал, ар гэрийн чинь байдал ямаршуухан байна даа?

-Би Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгадаа урилгаар ирж ажиллаад явсан. Эндээ гоцлол дуучнаар ажилд ороод нэг жил орчим болж байна. Гэр орон, гэргий хүүхэд маань Баянхонгор аймагтаа л байна. Яваандаа төв суурин газраа бараадаж бөөгнөцгөөх бодол байгаа. Гэргий маань Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн драмын театрын дуучин Бурмаа гэж бүсгүй бий. Тэр маань одоо хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Богд хааныхаа дүрийг бүтээчихээд ар гэртээ очихоор сэтгэл зүрх өөрийн эрхгүй догдолж яарч л байна даа.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Хүний сайн заяанд тэнгэрүүд ч атаархдаг

Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-т “Хүн болж төрөөд зовлон эдэлдэг ч гэлээ сайн заяа юм хойно хэдэн галавт ч хайгаад олно гэдэг бэрх. Тэр бүү хэл тэнгэрүүд үхэж буй нэгэндээ хүний сайн заяанд төрөхийг ерөөдөг” хэмээжээ. Үүнийг би үхэл хагацал, зовлон шаналангийн дуулал гэж бодохгүй байна. “Холын зорилго үгүй бол ойрын зовлон тойрохгүй” гэсэн нүүдэлч өвөг дээдсийн маань сургаальтай л адил хүний орчлонг эгээрч гэгээрсэн шидэт үгс гэж ойлгохыг хичээнэм. Хүний амьдрал зовлонтой ч зовлонгоо жаргал, дотоод эрч хүчээ болгосон нэгэнд тийм ч аюултай бэрх тавилан биш гэж төсөөлнөм. Тэнгэрс хүртэл атаархам тийм л гэрэлт замбуулинд мэндлэхийн гол утга учир хүн шиг хүн байхын нэр биз.

Бидэнд хүн шиг хүзүү сээр, хөл толгой заяасан. Хүн болж хүзүү толгой холбохын утга учир нь жаргалаа жад болгож, зовлонгоо зоргоор тавихын нэр биш. Харин хүмүүний ертөнцөд хүн шиг амьдарч, хүнлэг гэгээн явахын учир тавилан биз. Хүн энэ хорвоогоос буцахын цагт амраг садан байвч аргалж эс чадах, хөрөнгө зоорь их ч зайлшгүй учрах үйлийн үрээс бултаж эс чадах учир сайн буяны мөрт гагц сэтгэл зүрхээ хэрхэн зориулснаар л хүн болж төрсний, хүн явсны хэрэг гагц бүтнэ хэмээдэг. Тиймээс л өвөг дээдэс минь “Сайн нэрийг хүсэвч эс олдоно, муу нэрийг хусавч эс арилна” гэж үр хүүхдэдээ үнэт сургаалиа хайрлаж, зөв мөртэй зөөлөн зантай явахыг үргэлж захиж ирсэн нь учиртай.

Categories
булангууд мэдээ

Д.Бямбацогт: Би Салхи Дамбий шиг өгье гэвэл өгчихдөг, цайлган талдаа хүн

Шинэ оны эхний өдрийн амралтанд тань зориулж та бүхэнд архиваа уудлан нэгэн гайхалтай уран бүтээлчийн ярилцлагыг эргэн хүргэж байна.


Олон түмний сэтгэлд “Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ хоногшин танигдсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогттой уулзаж хөөрөлдлөө.

-Монгол түмний хайртай жүжигчний маань хүүхэд ахуй нас хаанахын дэнж дээр өнгөрөв?

-Миний аав, ээж хоёр Завхан аймгийн баруун хойт талын Сонгино сумын уугуул. Би Тосонцэнгэлд төрж, зургаа долоон нас хүртлээ тэнд байсан. Миний өссөн газар бол Гандан, Модны хоёр, Зурагт, Тасганы овоо орчим юм даа. Аав маань дөрөвдүгээр ангийн боловсролтой, цэрэгт таван жил явсан, шинэ үсгийн багш, багийн даргын алба хашиж байсан намын гишүүн, морь сайхан унадаг “ганган” Дашням гэдэг хүн байлаа. Тосонцэнгэлийн модны үйлдвэрт суурь машины слесарь-механикчаар ажилладаг техник сэтгэлгээ сайтай хүн байсан. Ээж эмийн санд насаараа ажилласан. Бид эцэг эхээс уг нь тавуулаа. Томоос ах, багаас бид хоёр л тогтсон. Яахав дээ миний заяа л байхгүй юу даа. Уг нь би дөрвөн сайхан ахтай байх учиртай байж л дээ. Манайд урваж ирсэн миний хайртай эгч бид хоёр л одоо үлдэж дээ. Хүний амьдрал гэдэг ийм хойно.

-Та нэгэнтээ “Жүжигчин болоогүй бол төмөр замын инженер болох байсан” гэсэн байна лээ?

-Нийслэлийн арван жилийн улсын тэргүүний 28 дугаар сургуулийн Батнасан багштай арвын А ангийг 1984 онд төгсөөд Төмөр замын техникумын техник механикийн ангид элсэн орж нэг жил сурсан. Би тоо харахаар толгой өвдөөд байдаг хүүхэд байсан. Учрыг нь олохгүй болохоор толгой өвдөөд байсан байлгүй.Яруу найрагч Цэндийн Чимэддорж гуай “Мал маллахаа марксизмаар заалгаагүй” гэсэн шиг л хувь тавилангаа дагасан. Техникумаас цэрэгт явсан. Халхын голын хилийн цэргийн ангид алба хааж байгаад Барилгын цэргийн 0119 дүгээр ангид шилжиж ирсэн. Цэргийн алба надад юм юм өгсөн. Би чинь айлын дураараа өссөн танхидуу, юм юм руу үсчсэн сониуч хүүхэд байлаа. Ээж аав маань “Олон зээр рүү хөөсөн нохой хоосон хоцордог юм” гэж намайг аашилдаг ч нууцаар гимнастик, хөгжим, гар бөмбөгийн гурван ч дугуйланд явдаг байлаа.

-Гимнастикийн дугуйланд явдаг байсан гэхээр их уян налархай биетэй байж дээ?

-Би чинь гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин, волейболын спортын дэд мастер хүн байхгүй юу.

-Өө, за за. Та чинь спортоо хөөсөн бол дийлдэшгүй тамирчин болох байж?

-Хөгжмийн тал дээр дөрөв, тавдугаар ангиасаа үлээвэр хөгжмийн дугуйланд хичээллэсэн, багш маань ноот заагаад өгчихсөн. Тоглохгүй бүрээ гэж байгаагүй. Манай сургуулийн үлээвэр хөгжмийн “Алтан бүрээ” хамтлаг их алдартай байлаа.

-Барилгын цэргийн ангийн байлдагч байхдаа оргож ирээд Багшийн дээдийн кино драмын ангид шалгалт өгөөд тэнцчихсэн байдаг билүү?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн харьяа Кино урлагийн факультет гэж байхад би тэнд 1988 онд элсэн орж, 1990 онд СУДС, 1992 онд өөрийн гэсэн байртай СУИС болоод байхад нь төгссөн анхны төгсөгч. Манай ангид Дэмидбаатар, Оюундарь, Өлзийхүү, Хүрлээ, Энхзаяа, талийгаач Мягмаржав, Ганхуяг, Алтангэрэл, Элбэгсайхан ахын хүү, Пүүжээ нартайгаа арван гурвуулаа сурч байсан. Энэ арван гурваас дөрөв нь бурхан зүг одож дээ.

-Ангийн багш нэрт найруулагч, түмний хайртай жүжигчин Доржсамбуу гуайн тухай сайхан дурсамж хуваалцаач?

-Бид яалт ч байхгүй Доржсамбуу багшийн гарын шавь нар. Багш нараасаа би урлагт зүтгэвэл зүтгэсэн шиг зүтгэдэг тэр чанарыг нь өвлөж явах учиртай байсан юм болов уу. Яг үнэндээ багш нарынхаа тухай ярих гэхээр сэтгэл их огшоод байдаг юм. Би эхнэртээ нэг удаа “Миний амьдралд нэгдүгээрт урлаг, хоёрдугаарт тамхи орно” гэчихсэн чинь “Би чиний амьдралаас хааччихсан юм, ээж чинь хаана нь орох вэ” гээд сүйд болсон. Амьдралд нэгдүгээрт ээж байж болохгүй. Эх хүн гэдэг миний бурхан шүтээн учраас би тэгж дугаарлаж чадахгүй. Бурхан шүтээнээ дээдэлдэг болохоос дэс дугаарлах утгагүй. Тиймээс би урлаг миний нэгдүгээр зорилго гэсэн байхгүй юу. Яагаад ч юм би өнөөдөр урлагт зүтгэж яваа минь багш нарынхаа төлөө амьдарч яваа юм уу гэж боддог. Багш нарынхаа төлөө гэхээр үр хүүхдийг нь харж хандаад ч байгаа юм биш, үзэл бодлыг нь хамгаалж яваа минь юм. Би Доржсамбуу, намайг төгсгөсөн Лхасүрэн хэмээх агуу их хоёр багшаас урлагийн сууриа тавиулсан азтай хүн. Энэ хоёр багшаа хэн нэгнийх нь дээр доор тавих ёсгүй. Хоёр өөр арга барилтай хүн намайг бий болгосон. Энэ хоёр багш надад маш их юм өгсөн.

-Та бол Монголын ард түмний хайртай жүжигчин…

-Хайртайн баталгаа нь юу байна? (Тэрээр ийн асууж инээгээд хоёр алгаа дэлгэв.сур)

-Хайртайн баталгаа нь таны тоглосон дүрүүд “Салхи Дамбий”, “Ноён солиот” гэх мэтээр түмний танил болж хүндлэгдэж байгаа хэрэг биш үү?

-Дүрээр маань ард түмэн мэдэж байна гэдэг сайхан. Энэ л жүжигчин хүний амьдралын утга учир, авьяасынх нь хариуд барьсан бурхны хишиг шүү дээ.

-Таныг би тайз дэл­гэцийн дүрээсээ илүү яг өөрийнхөөрөө байж чаддаг хүн байх гэж бодлоо…

-Хүн бол дүрээр, дүрсээр сэтгэдэг амьтан. Дүр гэдэг үр. Тэр материаллаг зүйлээс үүдэлтэй. Материаллаг зүйлийн донж, төлөв байдал, харьцааг харахад нийгмийн харилцаанд байгаа хүмүүс гэхэд арслан шиг архирч байгаа, нөгөөдэх нь туулай шиг жижгэрч байгаа дүр төрх шууд анзаарагддаг. Хүний таван мэдрэхүйгээр дамжиж тодорхой нэг дүр дүрслэл бий болдог. Энэ бүхнийг илэрхийлэх гэж жүжигчин хүн бие махбодь, оюун санааны хувьд бэлэн байх ёстой. Мэргэжлийн жүжигчин манайд зуун жилийн өмнө байгаагүй. Монголчуудыг өрнийн болон оросын сонгодог соёл урлагтай танилцуулсан А.И.Филатова гуайд баярлахгүй байхын аргагүй. Бид танилцахдаа монгол хүнийхээ цайлган, дэврүүн, итгэмтгий, чигч зангаар бараг бүх хүн орос болохоо шахсан нь гайхамшигтай. (инээв. сур) Монгол хүний жинхэнэ мөн чанар, сэтгэлгээний төлөв байдал хоёр зөрчилдөхөөрөө хотынх, хөдөөгийнх, үндэст­нийх, гадаадынх гэсэн зөрчил нийгэмд маш их болсон. Энэ нийгмийн хөгжлийн зүй тогтол доо. Би өнөөдөр өөрийгөө од гэж боддоггүй, олны танил хүн л гэж боддог. Би од болох гээд тэмүүлээд байна.

-Таныхаар бол од гэхээр хүн жүжигчдээс байна уу?

-Өнөөдөр Монголд од байхгүй гэдэг. Яагаад гэхээр зах зээлийн нийгэмтэйгээ урлаг нь уялдаж өгөхгүй байхаар ямар юмны од төрөх вэ дээ. Монгол минь дэлхийтэй хөл нийлүүлэх гэж мөн ч их зүдэж байна. Улс төр, эдийн засаг, соёл урлаг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа нь тогтворгүй хямралтай, хэрүүл маргаан зөрчил тэмцэл ихтэй байна. Аргагүй дээ бид ямар зах зээл, ардчилсан нийгэм журам байгуулж явсан биш. Бүх зүйл бидэнд цоо шинэ сонин содон байгаа нь ойлгомжтой. Тийм болохоор бусдыг даган дуурайх, хуулж барлах гэсэн сармагчны ад дон шүглэсэн цаг үе Монголд минь нүүрлээд байгааг хаа хаанаа ойлгож шинэ хуучин, хөгшин залуу гэлтгүй хэн хэндээ хэт их мэдэмхийрэх, хэт их мэдэхгүй байх өвчинд нэрвэгдэхгүй байх нь чухал байна. Учир нь бид чинь өөрийн гэсэн юмтай, дагах биш дагуулж явсан мөртэй түүхтэй ард түмний үрс. Монголчууд маань маш ухаантай улс. Хүүхдээ эрдэмтэй болоосой гэсэндээ малаа олноор нь төхөөрөөд сургалтын төлбөрт нь өгч байна. Үүнийг нь би хүнлэг талаас нь хардаг. Мал хувьд очсон ч газар нь төрийн өмч гээд бэлчээрийн маргаан үүсчихсэн. Тиймээс монголчууд төрийг ашиглаад авах юм сан гэсэн бодолтой гол, гул, хул улс болсон. Голруулдаг, гулардаг, хулуудаг, хулгайлдаг.

-Таныг “Ноён солиот” киноны Паанаг шигээ ууж гуларч явсан гэдэг. “Дээвэр дээрээс борооны дусал ус доошилдог шиг уруудсан амьдрал улам л доошоо яваад байдаг юм билээ” гэж ярьсныг чинь ч олж харж байсан. Туулсан амьдрал чинь дүрээ үнэмшилтэй бүтээхэд тус болсон гэж ойлгож болох уу?

-Үнэн. Тэгж ойлгож болно. Би энэ нийгмийг ойлгох гэж арав гаруй жил алдсан. Алдсан ч гэж болохгүй юм аа, ойлгосон юм чинь. Үнэхээр няцмаар цөхөрмөөр үе байдаг юм шүү. Уран бүтээлч хүн амьдрал мэддэг байх хэрэгтэй гэж багш нар маань хэлдэг байсан. Уран бүтээлч хүний түүхий эдийн зах бол амьдрал өөрөө мөн. Энэ л захаас бид түүхий эдээ авч өөрийн лабораторидоо боловсруулж бүтээгдэхүүн болгож байдаг. Тэр нь хүмүүсийн нийгмийн харилцааны сэтгэлзүйд хүмүүжлийн маш том нөлөө үзүүлж байдаг. “Ганц олдсон амьдралдаа сайхан амьдарна” гэдэг дэндүү өрөөсгөл ойлголт. Гагцхүү өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй. Хүний жаргал хэнд хамаатай юм бэ. Архи уух дуртай нь ууна л биз, тамхи татах нь татна. Хамгийн гол нь ертөнцийн амин гол Азийн төв цээжинд төрж өөрийнхөөрөө амьдарч явбал бол оо. Миний хувьд гурван ч удаа осолд орж үхэхээс бусдыг л үзлээ. Би оюун санааны сэтгэлгээний талын өөрөөсөө өөр дүр бүтээчих юм сан л гэж бодож явдаг. Галзуу Бумаа гэдэг дүрийг жүжигчин Цэвээнжав гуай ямар гайхамшигтай бүтээлээ.

-Та “Салхи Дамбий”, Паанаг хоёр дүрийнхээ аль нь тантай төстэй гэж боддог вэ?

-Намайг манай ангийнхан их зөөлөн хүн гэж ярьдаг. Би чинь ангийн дарга нь байлаа. Миний зөөлөн буруудаагүй байх. Манай төгсөлтийнхөн чинь СУИС-ийн домог болсон анги шүү дээ. Би цайлган талдаа, өгье гэвэл өгчихдөг Дамбий шиг л хүн. Гэхдээ их сэтгэлээрээ, цайлган зантай байхаар хүмүүс атаархаад, гайхаад байдаг юм билээ. Тайзан дээр сайхан үзүүлбэр хийчихээр нь нэг нөхөртөө баяр хүргэсэн чинь “Чи юундаа атаархаад байгаа юм бэ” гэхэд би үнэхээр гайхсан. Гэхдээ би гомдлоо гээд ертөнцийн нар манддагаараа мандаж, жаргадгаараа жаргах юм билээ. Цаг үеэ л бид өөрсдөө бүтээж яваа юм даа. Энэ завшааныг ашиглаад театрын арын албаны гэрэл, дуу чимээ, тайзны үйлчилгээний далд фронтын театрын баатрууддаа чин сэтгэлээсээ баярлаж бахархаж явдгаа хэлье. Урлагийн төлөө өөрсдийгөө үнэхээр золиосолсон баатрууд бол тэд.

-Олон шавьтай биз, та?

-Жүжигчин Анхнямыг “Сприптиз блюз” жүжигт тоглуулж байлаа. Эрдэнэтийн Соёлын ордны найруулагч Баярмагнай ахын удирдаж байсан хошин урлагийн жүжигчин Ундармаагийн ангийг төгсгөж, “Мөрөөдлийн театр”-ын Эрхэмээг “Зохиомж” дээд сургуульд сурч байхад “Дэвжээ” тэмцээнд оруулж, театрт уруу татаж, хөдөөгөөр тоглолтоор дагуулан явж байсан. Эрхэмээ одоо хаа ч таарсан хацраа өгөө л хүрээд ирдэг юм. Багануурын соёлын ордны дарга байхдаа гал сөнөөгч Цэрэнболдыг хот руу яв гэж хөөсөөр байгаад явуулж байлаа. Одоо УДЭТ-ын сайхан жүжигчин болчихсон байж л байна. Нэвтрүүлэгч Ичинхорлоог СУИС-д шалгалт өгч “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” гэж шүлэг уншин орж ирж байхад шүүгчээр сууж байлаа. Эднээс минь тэс ондоо зайтай, “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг” улс бас байна аа, байна.

-Тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдээ та тоолж үзэв үү?

-Би тоолж үзээгүй л дээ. Саяхан товч намтар маань хэрэг болчихоод Түвшин найруулагчаас гуйж байж хийсэн бүтээлүүдийн жагсаалтаа гаргаж үзлээ. Жар гаруй жүжиг, тавиад кинонд тоглосон байдаг юм байна. Урьд нь тоо гүйцээх гэж байгаа биш гээд огт тоодоггүй тоолдоггүй байсан юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээлд тоглов?

-МҮОНТВ-ээр гарч байгаа зохиолч Доржзовдын Энхболдын “Хоймор өнжсөн нар” олон ангит кинонд тоглолоо. Батхүү найруулагчийн “Эр хүн болгож өгөөч” киноны зурагт орлоо. “Зангарга” уран сайхны кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Залуучуудтайгаа хамтарч ажиллаж байгаа.

-Урлагт сэтгэл зүрхээ өгөхөд чинь хэн гэдэг жүжигчин их нөлөөлсөн бол?

-Чарли Чаплин, Юрий Никулин байна. Жаамаа агаа байна.

-Жаамаа гэдэг чинь хэн билээ?

-Жамсранжав гуай. Арван жилийн сургуульд байхдаа “Үгүйлэгдсэн хайр”-ыг үзээд сэтгэлээрээ түүнтэй ярилцсан. Тэр хүн жүжгийнхээ дүрээс өөрөө гарч ирээд яриад байх шиг сэтгэгдэл төрүүлсэн. Би тэр хүний тоглосон “Улаанбаатарт байгаа миний аав”-ыг ч үзээгүй, мэдэхгүй байсан. Хожим Жаамаатайгаа хамт кинонд тоглож байсан азтай хүн.

-Хүү, охин хоёр чинь таныг мэргэжлийг өвлөө юу?

-Хүү Балжинням маань энэ жил СУИС-ийн жүжигчний ангийг төгсөж байгаа. Уран бүтээлчид гэдэг бие даасан ертөнцүүд учраас өөрийнхөөрөө л явна биз дээ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Угалзцэцэг: Ангийн маань хүүхэд “Биеийн тамирт ордоггүй байсан хүн дэлхийн аварга болчихдог сонин юм аа” гээд инээгээд байсан

Тайландын Бангкок хотноо болсон долоо дахь удаагийн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцож, атлетик бие бялдар ангилалд (women’s athletic physique) Монгол Улсын тамирчин Гамбагаагийн Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга цолыг эх орондоо авчраад байгаа билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Дэлхийн аварга хэмээх алдар хүндийн эзэн болсонд баяр хүргэе. Өөрийгөө түрүүлчихнэ гэж бодож байв уу?

-Яг үнэнийг хэлэхэд би өөртөө дэлхийн аварга болчихно гэж огтхон ч бодоогүй. Өмнө нь ганц хоёрхон удаа л гадаадад болж буй тэмцээнд оролцсон. Тэгээд ч би энэ спортоор хичээллээд гуравхан жил болж байгаа л даа. Нэг студид зурагчны ажил эрхэлж байхдаа жингээ барих зорилгоор хичээллэж эхэлсэн юм. Саяын тэмцээнд нийт 48 орны 480 гаруй тамирчин оролцсоноос атлетик физик эмэгтэй 165 см хүртэл ангилалд 16 тамирчин оролцсон. Улс улсын шилдэг тамирчид байсан болохоор маш их өрсөлдөөнтэй, ширүүн тэмцээн болсон. Дэлхийн аварга боллоо гэж зарлахад “Үнэн гэж үү” гэсэн бодол төрж байлаа. Ноднин Нурлан ах маань дэлхийн аварга анхны монгол эрэгтэй тамирчин болсон. Харин би энэ жил бодибилдингийн төрлөөр дэлхийн аварга болж буй анхны эмэгтэй болсондоо баяртай байна.

-Манайхаас хэдэн тамирчин тэмцээнд оролцов?

-Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 16 тамирчин, албаны дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртлээ. Миний ангилалд Г.Гансаруул хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн 40-49 насны ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль авлаа. 2010 оны Монголын мистер Л.Баянхүү дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн ийнхүү дэлхийн медальтан боллоо. Эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ тэмцээнийг Тайландын шүүгчдээс гадна улс болгоны шилдэг шүүгчид шүүдэг. Бүгдээрээ л урмын үг харамгүй хэлж байсан даа.

-Монголчууд маань дэлхийн аваргаа яаж хүлээж авав даа?

-Монголын ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан. Бүгд л “Дэлхийн тавцанд Монголын төрийн далбааг мандуулсанд баярлалаа” гээд л. Утасны дэлгэц маань гэмтэлтэй байсан болохоор мессэжээ ч уншиж чадахгүй байсан. Утсаа янзлуулсны дараа хэдэн мянган мессэж хүрч ирж, уншиж гүйцэхгүй байсан.

-Зурагчны ажил хийж байгаад фитнессээр хичээллэж эхэлсэн гэлээ. Гэр бүлийнхэн тань анх юу гэж байв?

-Би дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд. Гурван эмэгтэй дүү маань англи, хятад хэлний орчуулагчид. Анхандаа бүгд л “Эгч та хэл үз. Юун хүндийн өргөлт вэ. Боль. Эмэгтэй хүнд муухай спорт. Бие хаа чинь эвдэрнэ” гэдэг байсан. Харин ДАШТ-д ороод ирснээс хойш бодол нь өөрчлөгдсөн. Гурван дүү маань ч бас өөрсдийн хэмжээнд фитнессээр хичээллэдэг л дээ. Зурагчин байхдаа суугаа голдуу ажил хийдэг байсан болохоор хөдөлгөөний дутагдлаасаа гарах гэж, бас эмэгтэйчүүдийн асуудал болдог харвингаасаа салах гэж фитнесст явж эхэлсэн юм. Гурван сарын дараа гэхэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан учраас дахиад гурван сар хичээллэсэн. Өөрчлөлт гарах тусам урам орж хичээллэж байгаад, 11 сарын дараа өөрийгөө бэлдээд тэмцээнд орсон. Анхны тэмцээнээсээ дөрөвдүгээр байрын шагнал авсны дараа ахмад тамирчид болон хүмүүсээс тамирчин болох санал, урмын үгс их сонссон. Тэгээд л “Би энэ спортоор хичээллэж амжилтад хүрэх ёстой” гэсэн зорилго өмнөө тавьсан даа.

-Олонхи эмэгтэйчүүд гоолиг сайхан бие бялдартай, булчин шөрмөсгүй энхрий ялдамхан байхыг илүүд үздэг дээ?

-Эмэгтэй хүмүүс өөр өөрийн гэсэн сонирхолтой байдаг. Ихэвчлэн туранхай байхыг илүүд үздэг. Миний хувьд зүгээр туранхай биш булчинлаг байх нь ч гэсэн эмэгтэй хүнийг гоё, сайхан харагдуулдаг гэж боддог. Зөвхөн булчинлаг биш өв тэгш, илүүдэл өөхгүй байх нь эрүүл бас залуу харагдуулдаг. Энэ спортын хамгийн том онцлог бол нас харгалзахгүй амжилт гаргаж болдог. Жар, дал, наян насны ангилал ч байдаг. Сая Италийн 45 настай эмэгтэй тамирчин шагналт тавдугаар байрт орох жишээний. Тэгэхэд би одоо дөнгөж 36 настай. Цаашид ч олон тэмцээнд оролцож, аваргын рейтингээ хадгална гэж бодож байгаа.

-Дэлхийн аваргын титмийг дагаад хэдий хэрийн мөнгөн шагнал дагалдаж ирдэг бол?

-Дэлхийн аваргын тэмцээн маань цэвэр нэр төрийн л спортын тэмцээн юм билээ. Ямар нэгэн мөнгөн шагнал дагалдахгүй. Бутаны нэг тамирчин анх удаа дэлхийн аварга боллоо гэж улс оронд нь үндэсний баярын хэмжээнд авч үзэж байна гэсэн. Бусад улс орны тамирчдыг анзаарч байхад нэр төрийн энэ тэмцээндээ амжилт гаргасныхаа дараа шоу цэнгээний талбарт хүчээ үздэг юм билээ. Тэр шоуны шагнал нь гэхэд дор хаяж л зуун мянган америк доллар байдаг юм билээ. Манай Бодибилдинг фитнессийн холбоо маань л их дэмжиж ажилладаг болохоос салбарын яамнаас дэмжлэг туслалцаа байдаггүй. Энэ спорт уул нь ард иргэдийн эрүүл мэндэд хандсан спорт шүү дээ.

-Тэмцээнд оролцох зардал мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байна?

-Тамирчид маань бүгд л зардлаа хувиасаа гаргасан. Миний хувьд гэр бүлийн маань хүн бүх зардал мөнгийг шийдэж өгсөн. Ханьдаа маш их баярлаж байна даа. Миний ханийг Ганболдын Мөнгөнбаяр гэдэг. Монголын байгалийн их зураач Цэмбэлдоржийн ач хүү байгаа юм. Удам дамжсан зураачид. Манайх хоёр хүүхэдтэй. Охин маань ЭМШУИС-ийн гуравдугаар курст сурдаг. Хүү маань одоо арван дөрвөн настай. Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийн сурагч. Хүү маань фитнесс, бодибилдингээр хичээллэх маш их сонирхолтой ч насанд хүрээгүй гэж би одоогоор хориглоод байгаа.

-Бодибилдингийн спорт ер нь зардал өндөртэй байх шүү?

-Энэ спорт өндөр санхүү, тэсвэр тэвчээр шаарддаг. Хараад байхад ихэнх тамирчид маань бор зүрхээрээ өр тавиад олон улсын тэмцээнд явах жишээтэй. Унаа тэргээ барьцаанд тавих бол энүүхэнд. Миний хувьд дэлхийн аваргад бүтэн жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн. Энэ бүх хугацаанд бүх зүйл дээр гэр бүлийн хүн маань маш их дэмжиж тусалсан. Мэдээж гэж бүлийнхээ төсөв хэрэглээг хасаж байж миний бэлтгэлийг хангаж байсан. Өдөрт хоёр удаа, нэг удаад нь гурван цаг, нийтдээ өдөрт зургаан цаг бэлтгэл хангаж байсан. Тийм учраас ажил хийх боломж байгаагүй. Ихэнх цагийг бэлтгэлийн зааланд өнгөрөөдөг. Гэхдээ гэр бүлдээ заавал өөрийн гарын хоолоо хийж өгнө өө. Найзуудтайгаа уулзах цаг зав л бага байх юм даа.

-Өөрийн чинь сарын хэрэглээ гэхэд хэдэн төгрөг байдаг бол?

-Зөвхөн бэлтгэлдээ зориулж 600-800 мянган төгрөг зарцуулдаг учраас бусад хувцас болон гоо сайхны хэрэглээг бараг орхидог.

-Та Бодибилдингийн хоёр холбооны алинд нь харьяалагддаг вэ. Хоёр холбоо хоорондоо таарамж муутай гэдэг үнэн үү?

-Манай Монголын бодибилдинг фитнессийн холбоо байгуулагдаад 25 жил болж байна. Монголын бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо гэж бий. Хоорондоо таарамж муутай эсэхийг сайн мэдэхгүй юм. Хоёр холбоо байдаг ч адилхан л монголчууд шүү дээ. Нэг л хүсэл тэмүүлэлтэй тамирчид гэж бодож байна.

-Таны аав ээж удам судар чинь хаанахын хүн байна?

-Аавыг маань Гамбагаа гэдэг. Хөвсгөлийн Арбулаг сумын хүн. Би багадаа эмээ дээрээ Арбулаг суманд зуныхаа амралтаар очиж амардаг байлаа. Хүүхэд ахуйн тэр сайхан үе минь бодогдоно шүү. Аав маань зах зээлийн нийгэмд оруут Хөвсгөл аймагтаа хүнсний үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн хүн.

-Өөрөө дунд сургуулиа хаана төгсөв. Бодвол спортлог хүүхэд байсан байлгүй?

-Таван шарын арванхоёрдугаар сургуулийг дүүргэсэн. Би багадаа бандгардуу махлаг хүүхэд байсан болохоор биеийн тамирын хичээлд орохоос их ичдэг байсан. Урлагийн үзлэг, гар бөмбөг, сагсан бөмбөгийн болон спортын тэмцээнүүдэд огт оролцдоггүй байлаа. Саяхан арван жилийн ангийн хүүхэдтэйгээ таарсан чинь “Ганцаараа биеийн тамирт огт ордоггүй хүүхэд дэлхийн аварга болчихдог. Мөн сонин юм аа. Ёстой нар хойноос мандана гэдэг л боллоо доо” гээд инээгээд байсан.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Би “B” продакшны дэргэдэх “Улаанбаатар фитнесс” клубт хичээллэж, тэнд бас багшилдаг. Тиймээс юуны түрүүнд аваргаа хамгаалах зорилго тавьсан. Цаашдаа олон тамирчин бэлдэж, дасгалжуулагч болно гэсэн бодолтой байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Оюунбадамын Сундуй: Миний аз жаргалын нууц бол хүүхдийн гэгээн ертөнц юм

О.Сундуй, зохиолч Д.Урианхайн хамт

Оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн гурван удаагийн эзэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйтай уулзаж ярилцлаа. Түүнийг “Зуны нар мөхөөлдсөнд дуртай”, “Зочин”, “Хүүхэлдэйн чинээ ээж”, “Аймаар том нохой”, “Нисдэг хулгана Чинүүхэй ба Алимаа охин” зэрэг зохиол бүтээлээр нь уншигч хүүхдүүд анддаггүй юм. Тэрээр 1980 оноос “Оюунтүлхүүр”, “Тоншуул” сэтгүүлд шүлгүүдээ хэвлүүлэх болсноос хойших гуч шахам жилийн хугацаанд 20 гаруй өгүүллэг, туужийн ном хэвлүүлээд байна. 1992 онд анхны тайз дэлгэцийн бүтээл “Долоон хожгор, нэг можгор” дуулалт жүжиг нь нийтийн хүртээл болсон бол “Шарга даага” кино нь нэр хүндтэй шагнал хүртэж байсан билээ.

-Оны шилдгийн шилдэг хүүхдийн зохиолч гэсэн хүндэт шагналын эзэн болсонд баяр хүргэе. Хаанаас ийм том шагнал хүртэв дээ?

-Хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хөгжмийн зохиолч нарын эвлэлдэн нэгдсэн “Эвт үзэг” гэсэн уран бүтээлийн байгууллага байдаг. Нийт гуч гаруй гишүүнтэй байгууллага л даа. Энэ байгууллагаас оныхоо шилдэг уран бүтээлчийг шалгаруулж байхаар тогтсон юм. Тэгсэн анхны шагналын эзэн болчихлоо. Ах нь маш их баяртай байна даа.

-Та улирч буй онд уран бүтээлийн олз омог арвинтай л байж дээ?

-Би зургадугаар сард өгүүллэгийн “Шарга даага”, шүлгийн “Шүлэгч хүүхдүүд” гэсэн номууд гаргасан. Мөн “Мир” хэвлэлийн газартай хамтран “Миний тоглоомууд” гэсэн шүлгийн ном хэвлүүлсэн. Хөгжмийн зохиолч А.Балжиннямтай хамтран “Бид эх орондоо хайртай” ном, цомгийг бяцхан уншигчдадаа өргөн барилаа. Хөгжмийн зохиолч Алтангэрэлтэй хамтран “Олз” хүүхдийн дуулалт жүжгийг туурвисан. СУИС-ийн багш, найруулагч Тунгалагтай хамтран “Хамгийн хөөрхөн охин” хүүхдийн жүжгийг сургуулиудад тоглосон. Нисэхийн сургуульд нээлтээ хийсэн. Чингэлтэй дүүргийн Соёлын ордны захиалгаар “Өнчин ботгоны дууль” дуулалт жүжиг бичиж өглөө. Удахгүй тайзнаа амилна.

-Аргагүй л шилдгийн шилдэг зохиолч болохоор хөдөлмөрлөжээ?

-Хүүхдийн зохиолын гол төрөлд дуу ордог юм. Хөгжмийн зохиолч Батболд, Амарбаяр, Цэвээнсүрэн, Балжинням нартай олон дуу хийсэн байна. Урдах уран бүтээлээ хийгээд явж байхад урмын ташуур хэрэгтэй л байдаг юм байна. Тэрнээс уран бүтээлчид хоорондоо уралдана ч гэж юу байх вэ. Гол уралдуулдаг, дүгнэдэг шүүгчид чинь уншигчид л байдаг юм шүү дээ. Мэргэжлийн, гал тогооны нөхөд маань шалгаруулаад шагнахаар бас их сайхан санагдаж байна. Уран бүтээлчид тэгтлээ нэг их хэлхэлдээд, уулзаад байхаа больчихсон энэ үед хүүхдийн уран бүтээлчид бид Хүүхдийн номын ордонд байнга уулзаж учирч, уран бүтээлийн урам зоригийг нэгнээсээ байнга авч байдаг юм.

-Хүүхдийн зохиолын төрлөөр бичдэг шавь нартай болж байна уу?

-Хүүхдийн уран зохиолд орж ирж байгаа шавь нар мэр сэр байнаа. Тухайлж нэрлэх юм бол Д.Энхтуяа, Т.Энхтуяа, Аззаяа нар байна. Хүүхдийн уран зохиол гэдэг гол дүр нь хүүхэд байхаас гадна хүүхдэд тохиолдсон явдлууд байх учиртай. Уншигчид маань хүмүүжлийн талаасаа, эх хэл хэрэглээний талаасаа төлөвшөөгүй байдаг учраас сайн зохиол өргөн барихын төлөө маш шургуу хөдөлмөрлөх хэрэгтэй байдаг. Бидэнд байгаа нийтлэг нэгэн дутагдал нь хүүхдээсээ жаахан холдчихжээ. Өнгөрөгч нэг жилийн хугацаанд би гэрээрээ уран бүтээлээ хийж суулаа. Номуудаа гаргаж нэлээд олон сургуулиар явлаа. БСШУЯ-наас зохиодог “Ном” хөтөлбөрийн хүрээнд ч бяцхан уншигчидтайгаа багагүй уулзлаа. “Сургууль дээр юу тохиолддог вэ” гэсэн зохион бичлэгийг сурагчдаар бичүүлж шалгаруулсан. Хүүхдийн жаргал, зовлон бас их тохиолддог юм байна.

Нэрт зохиолч гэргийн хамт

-Таны өгүүллэгээр бүтсэн “Шарга даага” кино ямар санагддаг вэ?

-Сайхан байлгүй яахав. Зохиол байх нэг өөр. Тэрийг кино зохиол болгож хувиргаад, дэлгэцийн бүтээл болгоно гэдэг илүү гайхалтай. Үнэхээр дэлгэцийн бүтээлийн хүнд хүрэх хүч чадал гэдэг агуу юм.

-Таны төрсөн нутаг Төв аймгийн Угтаалцайдамд зураг авалтыг нь хийсэн байгаа. Киног үзээд хүүхэд насны сайхан дурсамжууд хөвөрсөн болов уу?

-Угтаал сум маань цай буцлахын зуур л давхиад очмоор ойрхон байна. Тэгсэн мөртлөө юу юугүй очоод байхгүй юм. Зун намартаа очсон. Нутагтаа очих сайхаан. Энэ их зав чөлөөгүй нийгмээс хөндийрч багын сайхан диваажиндаа очих ямар ч амар амгалан юм. Миний төрсөн нутаг ямар ч сайхан юм. Дэргэд нь байхдаа тэр сайхныг тэгж нарийн мэдэрдэггүй юм шиг санагдсан. Өнөө Гүррагчаа баатар сансарт нисэж ирээд “Миний дэлхий чинь яасан гоё, ямар ч жижигхэн юм бэ дээ” гэж дуу алдсан байдаг шүү дээ. Тэрэн шиг дэлгэцнээс хараад би ямар сайхан нутагт төрж, өсөө вэ хэмээн бодож, эх нутгаа хайрлах хайр бялхаж байлаа.

-“Шарга даага” киноны өгүүллэгийг та хэзээ бичсэн юм бэ?

-2008 онд “Эх нутаг” нэртэйгээр бичиж байлаа. Энд сонирхуулахад миний бага охин нэг удаа төрсний гэрчилгээгээ үзэж байснаа “Би Улаанбаатарт төрсөн байхад Төв аймгийн Угтаалцайдам гээд биччихэж” хэмээн их л гайхсан байртай асуусан юм. Тэр үед би охиндоо Угтаалцайдамд аав ээж нь ажиллаж амьдарч байхад “Чи ирсэн юм. Харин эхээс мэндлэхдээ Улаанбаатар хотод төрсөн. Тэгэхээр миний охины төрсөн газар Улаанбаатар, эх нутаг Угтаал юм” гэдгийг тайлбарласан. Эндээс үүдээд “Эх нутаг” нэртэй жижигхэн өгүүллэгээ бичиж байлаа. Хожим ийнхүү уран бүтээлчдийн санаагаар дэлгэрээд кино болсон. Ер нь нутагтаа очоод унаа тэрэгнээс буугаад эргэн тойрноо харан алхаж явах үнэхээр жаргалтай. Багын найз нартайгаа уулзана. Нэлээд хэдэн зохиолынхоо санааг алхаж яваад олсон болохоор би “Алхах зуур” гэж нэг ном бичиж эхлээд байна. Энэ номынхоо онч мэргэн үгийн хэсгээс сая “Утга зохиол, урлаг” сониныхоо ойд зориулсан уралдаанд өгсөн.

-Та өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог уу?

-Хүнд нутагтаа очиж амар амгаланг мэдрэх, сайн сайхан амьдрах, сайн хань байх гээд аз жаргалын олон хэмжүүр бий. Надтай уулзсан нэг хүн “Чи дандаа л инээж явах юм. Аз жаргалтай хүн юм аа” гэж байсан. Би хүүхдийн ертөнцтэй ойрхон байдаг уран бүтээлч. Хүүхдүүд гэдэг чинь гэгээн ертөнц. Тэдэнтэйгээ уулзаад, зохиол бүтээлээ уншиж өгөөд явж байхад надад үнэндээ жаргалтай байдаг. Тэгэхээр тэр хүний гайхах нь ч аргагүй юм гэж бодсон. Миний шүлгүүд чинь хүүхдийн наргиантай явдлаас сэдэвлэсэн байдаг. Бага насны гэгээн дурсамжаараа бичсэн бүтээлээ бодоод явж байхад ч сэтгэл сайхан байдаг. Хүн юугаараа баян байна түүндээ л сэтгэл ханаж байвал болно биз дээ хө.

Categories
мэдээ нийгэм

Бяцхан жаал байхдаа ойн хүрэн баавгай болохыг мөн ч их мөрөөддөг сөн

Өнгөрөгч зууны наяад оны хөдөөгийн сумын шинэ жил хөлтэй хөөртэй, хөгжилтэй хөөрхөн болдог байж. Ухаан орж хүн болсон үеийн шинэ жилүүдээс хамгийн содон нь 1982-1983 оны ёолк байсан юм уу даа. Нэгдүгээр ангид орсон жил. Тэр үед шинэ сургууль баригдаагүй байсан болохоор бага сургуулийн коридорт нэгээс гуравдугаар ангийнхны шинэ жилийн баяр болов. Одоогоор бол томхон шиг нэг ангийн л хэмжээний зай талбай шүү дээ. Бага ангийнхан нь урдуур өвдөг дээрээ сууцгааж, арагшлаад арай том ангийнхан сандал дээр, тэгээд зарим нь зогсоогоороо, арын эгнээнийхэн сандал дээр зогсон шаталсан маягаар шахалдан, тэр олон хүүхдүүдийн амьсгаанд өдөр ч бүүдгэр байдаг цонхны цан хайлан урсана. Хүүхдүүдийн царай тарваганы тосонд хайрсан гэрийн боорцог шиг түнтийсэн хүрэн улаан юмнууд. Тэр дуу чимээ, шуугиан шаагиан гэдэг их зохиолч Нацагдоржийн өгүүлснээр “гэр хагарам”.

Сургуулийн тэр жижигхэн хонгил хүүхдүүдийн шахцалдаанд бүх хана нь бөмбийж дэлбэрэх гэж байгаа байх гэж бодогддог сон. Шинэ жил болохоос өмнө арванхоёрдугаар сар гаруут л хүүхэд болгонд ангиа болон сургуулийн ёолкоо чимэглэх бэлтгэл ажил эхэлнэ. Тэр үед гартаа дүйтэй, зурах авьяастай хүүхдүүд жинхэнэ утгаар од болно. Ангийн багш тийм авьяастай хүүхдийг хичээлээс чөлөөлж ханын сонин хийлгэн, цас, мод, амьтны дүрс бүхий цаасан чимэглэлүүд хийлгэнэ. Дэвтрийн цаасыг нарийхан хайчилж цавуу, жонхуугаар наан, өнгийн харандаан будгаар будаж алд алд тууз хийнэ. Нөгөө л арван хоёр мөнгөний дэвтрийнхээ цаасаар “Шувууны үүр” урлан будаж, үүрэн хэсэгт нь нүүрс чулуу хийн нарийхан утсан хэцнээс дүүжилнэ. Усан будаг, харандаан будаг аль аль нь ховор болохоор чернилиэр будах гэж гар хуруугаа нил бэхэдсэн нь ч олонтаа. Охид цасан ширхэг гэж цаас жижиглэж хайчилж бэлдэнэ. Цагаан хөвөн нүдний гэм учир дээл, хөнжил хийдэг бор хөвөнг утсанд зангидаж, цасан ширхэг болгон мөнөөх хэцнүүдээс унжуулна.

Тааз, хананаас татсан чимэглэлүүд олон хүүхдийн амьсгалаас ч болдог сон уу үргэлж л хөдөлж эргэлдэж байна. Зарим дүрсгүй сурагчид унжсан утасны үзүүрээс татахад хэцэн дээр өлгөөтэй цаасан урлалууд унаж, ойр хавийнхан нь нөгөө гоё амьтны дүрс сэлтийг булаалдах нь ч бий. Өөрсдийн хийсэн зүйл хэцэн дээр тохоостой байвал нүдээрээ хайж олоод хавь ойрынхондоо хөөрөлнөө, бас. Манай ангийн Самбуугийн Амартүвшин хэмээх хүү таван хошуу мал, амьтны дүрс зурж урлах талаараа мөн ч гаргуун байж, олон жил бидний нүүрийг тахалсан сан. Хоёрын бригадаас ирсэн Батмөнх гэж биднээс дөрөв дүү хүүхэд ямар ч дүрсийг цаасан дээр зуралгүйгээр хуруугаараа шууд ураад будчихдаг авьяастан байсан. Байрны хүүхдүүд бүгд түүнээр чимэглэлээ уруулаад ганцхан будах ажил хийдэг байсан гэхээр дэндүү төрмөл авьяастан гурваа ч төгсөлгүй малчин болсонд нь одоо ч харамсах сэтгэл төрдөг. “Хөдөөгийн эрдэнэ хөдсөнд боолттой” гэж ардын зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай хоосон ч нэг шогшроогүй аж.

За, ингээд шинэ жилийн баяр ч эхэллээ дээ. Бидэндээ цэлгэр хонгилын баруун буланд сүлд мод чимэглэж, холоос харахад улаан, ягаан, ногоон, цагаан, хөх олон өнгийн шилэн бөмбөлөг өлгөсөн нь үлгэрийн юм шиг гялталзан гялбах нь гайхамшигтай. Хацар, хамраа час улаанаар будаж, үлгэрийн баатар Үлмэдэхийнх шиг уртуу гонзгор оройтой малгай өмссөн горзгор өндөр алиалагч урагшаа шахаж суусан хүүхдүүдийг жигтэйхэн гангалж будан “Шинэ жилийн мэнд хүргэе” гэсэн бичигтэй алд хэрийн дурангаараа хараалан “Хоёрын Б-гийн нойлын ногоон … хойшоо суугаарай” гэж сүржин хэлэхэд хүүхдүүд нирхийтэл нэгэн зэрэг хойшлон сууцгаана. Паалайсан хилэн өмдөн дээр халхайсан том цамц өмссөн бүдүүн алиалагч энэ үеэр ээтийсэн палигар марзан гутлаа чирэн ирж “За, хүүхдүүд ээ, өвлийн өвгөн аав нь цангинам хүйтэн цасан мөсний орноосоо цан хүүрэг савсуулан, ан амьтдаа дагуулан ирж байна шүү” гэж хүнгэнэсэн хоолойгоор хэлэхэд хүүхдүүд гадаах хаалган зүг бүгд эргэн харцгааж нам гүм болцгооно.

Бүдүүн алиалагч бас богинохон дурантай. Нөгөөхөө нуруунаасаа буулгаж урдаа барин ийш тийш болхидуухан гүйнгээ “Өвгөн ааваас бэлэг авах хүүхдүүд чимээгээ аядаарай” гэхэд тэр олон хүүхэд ялаа ниссэн ч сонсогдмоор анир гүм болно. Бодвол бүгд л бэлэг авна гэж итгэж байгаа нь тэр. Хүүхэд л болсон хойно нам жим суугаад байлгүй өндөлзөж барих бол энүүхэнд. Тэр бүхэнд алиалагчид дурандаж тухайлан хандаж байснаа дийлдэх шинжгүй шиг нэгнийх нь толгой руу дурангаараа тонхийтэл тогшоод авна. Одоогийн хүүхдүүд бол гар утсаараа бичлэг хийхэд л хүн инээлгэх үүрэгтэй хөөрхий алиалагчид хүүхдийн эрх зөрчсөн хэргээр дээлээ найдвартай нөмөрнө. Тэргүүн түншигч тэр дуран нь орос хулдаасны гол картонон цаас байсан юм билээ. Өвлийн өвгөн ирэх бас л болоогүй. Хүүхэд насанд цаг хугацаа ямар ч удаан өнгөрдөг байсан юм. Том болох юм сан гэхэд мөд өсөж өгөхгүй, өвлийн өвгөн ороод ирээсэй гэхэд хөлөглөсөн цаа буга нь ядардаг ч юм уу хүрч ирэхгүй мөн ч их зовоодог сон.

Тэгтэл алиалагчид нижигнэтэл гүйлдэж “Өвлийн өвөө ирлээ” гэхэд цасан охин, хуучин оноо дагуулсан цагаан монгол дээлнээ цэнхэр нөмрөг намируулсан уртаа цагаан сахалтай, ханхар сайхан өвлийн өвгөн баруун гараараа бидэнтэй даллан мэндчилсээр ороод ирэхэд үүдээр дүүрэн цан хүүрэг савсаа л сүрлэг жавхлантай харагдахыг яана. Тэгтэл Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимгээ сагсуулсан

Сүрлэг Монгол орныхоо

Өлчир жавхааг бадраасан

Сүлд модныхоо наадмаар

Өвлийн эрчийг хариулцгаая” гэсэн хүүхдүүдийн цолгин найрал эгшиглүүт, хамгийн түрүүнд цав цагаан хувцастай бүлтэн хөөрхөн нүдтэй, дэлдэн хоёр чихтэй туулай эрүүндээ хоёр гараа тулан дэгдэн дэгдэн гарч ирнэ. Туулай хоёр тийшээ үсрэхэд хүүхдүүд түүний аясаар найгах шиг санагдана. Үгүй тэр цагаахан өмсгөлийнх нь ард байгаа бяцхаан моожгор сүүлний дэндүү үнэмшилтэйгээр нүднээ тусахыг яана. Туулайг дэгдэхийн тоолонд одоогийнхоор Цагаан өвгөнийх шиг дэлдийсэн чихтэй, инээмсэглэсэн бор хүрэн нүүртэй сармагчин сүүдэр нь аятай энд тэнд үсрэн элэглэхэд багачуул бид даган баясч, гэнэн цайлган сэтгэл минь хэдийнэ сармагчинд хувилан оддог сон. Удалгүй араас нь зальт шар үнэг гараа нуруундаа үүрэн газар шиншлэх дүр үзүүлэн тал тал тийш сэм сэмхэн шогшин орж ирэхэд намилзсан шаргал сүүлнийх нь сор нүүр илбэх шиг бодогдоно.

Хөх саарал комбинзон өмсөж араа шүдээ ярзайлгасан чоно гуайг орж ирэхэд хүүхэд бүхний зүрх цээжээ дэлдэн цохилж түг түг хийх нь сонсогдоно. Чоныг өвлийн өвгөний хажууд суухад цасан охиныг нь, хуучин онтой хамт идчих вий дээ гэхээс түрүүчийн түгшүүр салж өгөхгүй хэвээр. Тэгтэл хүрэн бор хилэн өмсгөлтэй, жавхаалаг өндөр буга ташаандаа гараа тулан хоёр хөлөө өндөрт өргөн харайлж, эврээрээ цасан ширхэг, чимэглэлтэй хэцийг шүргэн орж ирэхэд хүүхдийн аймссан сэтгэл сая нэг амсхийж бүгд бахадсан янзаар дор дороо шүүрс алдацгаана. Хамгийн сүүлд хар ямаан дах эргүүлэн өмссөн хулгар бөөрөнхий чихтэй ойн хүрэн баавгай удаан янзаар хөлөө нэг газарт хоёр удаа пар пархийтэл чирэн орж ирэхэд мөнөөх гайхал сармагчин алд хэрийн сүүлээ савчин гүйж очоод элэглэх мөрөөрөө элэглэхгүй нуруун дээр нь үсрээд мордоход үзэгч бидэн алгаа ташин шаагиж, ардуур байгаа хүүхдүүд хуруугаа амандаа хийн тасхийтэл шүгэлдэх сонсогдоно. Бүдүүнээ, Нарийнаа хоёр алиалагч энэ зуур зүгээр байхгүй. Дурангуудаа үе үе шүүрэн нүдэндээ дөхүүлэхэд хүүхдүүд түүнд нь өртөхгүйг хичээн, эгнээ эгнээгээрээ налалзан намбайтал томоотой болцгооно.

Мань сармагчин бас огтхон ч зүгээр байхгүй ээ. Хаанаасаа ч гаргаад ирсэн юм, хоёр төө дуран шуу юм барьчихсан алиалагч нарын араас элэглэн мануусыгаа дурандах гэнэ. Алиалагч нарын үйлдлийг яг дуурайн хийхэд огт анзаарахгүй байгааг нь хараад сармагчны авьяасанд хөөрхөн атаархана. Чоно, буга, туулай, үнэг эрэмбээрээ сууцгааж, хоорондоо багаа гилжийлгэн шивнэлдэхэд “Нэгнийхээ хэлийг яаж мэддэг юм бол оо” гэж үнэн голоосоо гайхна. Цасан охид дуулж, тойрон бүжгээ хийхэд нөгөө хоёр алиалагч, сармагчин гурав тэдний дунд орчихсон эвлэгхэн нь аргагүй бүжиглэхийг хараад Бүдүүнээгийн эвсэлтэйг хүүхэд бүхэн гилжийж ирээд ширтэнэ. Зарим хүүхэд нусаа ч арчих сөгөөгүй, нөгөө “хэцүү нэрт” нь энгэрийг нь шүргэх шахан нарийсан унжсаар “хэзээ нэг уначих бол” гэмээр хэцүүтэй бэрх харагдана. Тойрон бүжгийн дараа ан амьтад өөрсдийн явдлаар явж, дуун сацруулагч дээр ирээд үгээ хэлцгээнэ. Туулай гэхэд “Дэлхий дээгүүр дэгдээд байдаг дэлдэн чихтэй туулай би хүүхэд багачууд та нарын сүлд модны наадамд хүрэлцэн ирлээ” гэнэ. Үнэг “Алтан дэлхийг тойрч амьтан бүгдийг хуурдаг алтан шаргал үнэг би азтай та нарынхаа наадамд аз жаргал бэлэглэхээр амжиж хүрэлцэн ирлээ” гэхэд чоно “Боохой ах нь махнаас гарсан. Борог өвсөнд энэ жилээс орсон. Таван хошуу мал хариулж танай нутагт амьдрахаар ирсэн” гэхэд хүүхдүүд алгаа ташин, том ангийнхан шал дэвсэлж сүйд болцгооно.

Ан амьтдын дотроос хамгийн жавхаалаг буга юу гэж хэлдэг байсныг одоо нэгэнт мартаж. Ойн хүрэн баавгайг гарч ирэхэд сармагчин золиг мөн л нуруун дээр нь үсрээд гарчихна. Баавгай аахилж уухилан баргил хоолойгоор “Ойн хүрэн баавгай би олон ан амьтдаа дагуулан сүлд модны сүрлэг сайхан наадамд чинь ирлээ” гэж хэлсэн үг ой тойнд хадагдаж, ямартай ч тавдугаар ангид ортлоо “Хурдхан том болж баавгай болох юм сан” гэсэн мөрөөдөл бяцхан цээжинд минь баттай хургасаар байж билээ. 1983 оныг орон даяар “Сурагчийн жил” болгон зарласан байлаа. Тиймээс сурагч бүхэнд зориулсан бэлгийг ангийн багш Сэлэнгээ тарааж байсан. Харин өвлийн өвгөн онцчуулын бэлгийг гардуулахдаа “Нэгийн Б ангийн сурагч …” гэж нэрийг минь онцгойлон дуудахад жаалхүү миний цээжинд нар мандах шиг болж нүд нээлттэй ч юу ч харагдахгүй, чихэнд ямар ч чимээ анир сонстохгүй байгаа юм шиг сонин мэдрэмжинд өөрийн эрхгүй автчихаж билээ. Хойтон жилээс нь хүүхэд бүхэнд бэлэг тараагаагүй. Бэлэг аваагүй хүүхдүүд горьдсон нүдээр ширтэж “Надаа ганц чихэр өгчих л дөө” гэж цаанаа л өрөвдөлтэй янзаар гуйж алгаа тосоход тэрүүхэндээ баатар болчихсон юм шиг додигорхон явсан хүүхэд нас минь хөөрхөн ч юм шиг, хөөрөлхүү ч юм шиг санагдана.

Анхны энэхэн сүлд модны наадмаас хойш арван жилийн дараа мөрөөдлөө биелүүлж сургуулийнхаа шинэ жилийн баярт ойн хүрэн баавгай болов. Дотор талаас нь харахад сонины цаас давхарлаж наасаар мод шиг хатуурсан баавгайн баг л гэхэд араа шүднийхээ завсраар хавь орчноо харах зориулалттай эд байдаг юм байна. Хоршооны манаачийн нөмөрдөг ямааны арьсан дахыг буруу харуулж өмсөөд цэрэг суран бүс гархилаад суучихсан чинь хөлс гоожоод ёстой нэг тамтай байсан юм даг. За тэр ч дүүрчээ гэж бодоход хөлөө ойр ойрхон хоёронтоо товшин алхаж явтал сармагчинд тоглосон миний найз Бямбасүрэнгийн Мягмарсүрэн золиг нуруун дээр үсрэн гарахад гишгэгдэл алдаж золтой л ойчихоо шахав. Алиалагчид манай ангийн Содовоогийн Монхоон, үнэгт Оросоогийн Бүлтүүш анд нар минь тоглож байсан юмдаг. Аравдугаар ангийн сурагч миний бие захирлынхаа хөөрхөн охинтой үерхдэг байсан болохоор сүлд модны наадмын дараа “Сармагчин үсрэхэд ойчих шахсаныг минь анзаарсан болов уу” гэхээс ямаан дахан дотор усан хулгана болтлоо хөлөрч, багныхаа цаана нүүрээ улайлган суусан сан. Манай сургуулийн сүлд модны наадмыг амьд баяр баясгалантай болгодог байсан хоёр алиалагч нь хожмоо мэдэхэд биеийн тамирын багш, аймгийн начин Мида, алгебр-геометрийн багш Энхсайхан нар байсан юм билээ. Ардын жүжигчин Гомбосүрэн гуай харшийн сүлд модны наадамд олон жил өвлийн өвгөн болсон гэгддэг шиг манай сургуулийн өвлийн өвгөнд зургийн багш Мандах мөн ч олон жил тоглосонсон. Шинэ жил айлчлан ирэх бүрт хүүхэд насны минь энэ л гэгээхэн мөчүүд бодогдож, дурсамжийн гэрэлт шувуу сэтгэл зүрхэнд нисэлдэх юм даа.

Categories
мэдээ цаг-үе

“Болор цом”-ын Хамгийн, хамгийн…

Найман настай балчраас наян­тэй ерэнтэй өвгөд мэргэдээ хүртэл амнаасаа алтны үртэс унагаж, найргаар сэцэлдэг ард түмэн дэлхийд нэн ховордсон гэлцдэг. Хамуутай бор даагатай харцын өнчин хөвгүүн хааны есөн өрлөгтэй “цэцэн үг цээжинд байдаг юм аа” гэж хэвлүүтдэгийг ардын аман билэг судлаачид баяр бахтайгаар дурддаг. Эзэн Чингис хааныхаа үеэс элчийн аманд эмээлийн дуу бариулж ирсэн монгол түмний хайртай наадам бол МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг “Болор цом”. Утга уянгын энэ их наад­мыг ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж 1983 онд анх санаачлан зохиож “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж бай­сан түүх­тэй. Удаах жил нь Дөнгөтийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн “Шагнал” шүлгээрээ эл наад­мын тэргүүн найрагчид болж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван найрагч эл наадмаас төрөн гарсан байдаг. “Болор цом” наадмын сонин хачныг “хамгийн хамгийн” болгон шалгаруулбал инээдтэй, нулимстай янз бүрийн дүр төрх харагдахаар байдаг. Хүний хорвоогийн л нэгэн үйл юм чинь алагтай булагтай ч байлгүй яах вэ гээд зарим нэг содон явдлуудаас дурдъя.

Хамгийн анх яруу най­рагч Д.Пүрэвдорж агсан “Хүн төрөлх­төнд хүргэх үг” шүлгээрээ өөрийн­­хөө зохио­сон наадамд өөрөө түрүүллээ гэдэг нь өнөөгийнхөөр бол улсын аварга бөх нэрэмжит наадам­даа ам аван барилдсаар түрүүлсэнтэй агаар нэгэн буй. Янжинлхамын эгшиг­лэнт най­раг­чаар ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Дөн­гөтийн Цоодол нар гурав гурван удаа тодорч, уг наадмын түрүүг хамгийн олон хүртэн дархан аваргын зиндааг дархалжээ. Тэдний араас Янжинлхамын хишгийг хоёронтоо хүртсэн найрагчид бол Монголын радиогийн “Малчин” нэвт­рүүлэгтэй амьд­ралаа хол­босон Цэндийн Чимэддорж агсан “Малчин” шүлгээр анх 1989 оны “Болор цом” хүртэж, “Элсэн тасархай” шүлгээр хоёр дахиа авсан билээ. “Болор цом” эхэлж байхад Чимээ ах шүлгээ бичин гал тогоо­ныхоо өрөөнд өөрийгөө түгж­чихээд гарч ирэхгүй гэргий Мөнхтуяагаа хөөрхөн зовоосон гэдэг. “Малчин” шүлгийн гайхамшигтай шад мөрүүд урсаад найрагчаа ширээнд нь хадсан сонин тохиол энэ.

Түүнчлэн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу най­рагч Баярхүүгийн Ичинхорлоо 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгүүдээрээ дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагчаар одоогоор тодроод байгаа. Түүний ингэж хоёр жил дараалан түрүүлснийг ардчилал эхэлж, залуу хүмүүсээ дэмжсэн гэлцэх нь бий. Түүний

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж

Бусдын од харвадаггүй

Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж

Бусдын од шохоорхдог юм

Миний Монголын тэнгэрт өдөлсөн шувуу

Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй

Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд

Будант газар ясаа тавьдаггүй” хэмээсэн “Тэнгэр” шүлэг Монголын яруу найргийн мөнгөн үеийнхний омогшлыг дархлан үлдсэн юм. “Болор цом”-ын хамгийн их өөрчлөгдсөн найрагчаар Б.Ичинхорлоо үргэлж яригдаж байдаг. Ард түмний ой санамж гэдэг ямар ч тунгалаг дуран авайнаас алсыг нэвт хардаг хүчирхэг зэвсэг бололтой. “Анх ямар охин ирж байлаа даа. Тэгсэн одоо хар даа, ямар сайхан гунхсан цагаан бүсгүй болоо вэ” гэсэн уулга алдалтыг тэр байнга дагуулна.

Олон түмний сонирхол тата­хуйц нэг баримт нь яруу най­рагч Д.Цоодол (1984, 1993, 1997), найрагч Б.Лхагвасүрэн (1985, 1992, 1998) нар тус бүр гурван удаа энэхүү наадмын тэргүүн байрт шалгарсан явдал юм. Мөн соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Цоодолын Хулан (1994, 2010) хоёр удаа, яруу найрагч Лхагвасүрэнгийн Хасар (2008) нэг удаа тус тус түрүүлсэн нь хоёр айл “Болор цом” наадмын есөн түрүү авсан амжилтын эзэд болгожээ. Яруу эгшгийн эл наадамд хамгийн олон жил уралдаж цомын эзэн болсон хүн бол Дамдинсүрэнгийн Урианхай найрагч. Д.Урианхай найрагч тасралтгүй 19 жил оролцож, үзэл бодолдоо үнэнч байсан бодь сэтгэлтэн. “Болор цом”-ын түүхэнд үзэгчдийг хамгийн их шуугиулсан мөртлөө цом гардаж чаддаггүй азгүй ч гэмээр яруу найрагч бол Говь-Алтайн Хар азаргын нурууны унага Мөнхөөгийн Билигсайхан. “Хүргэнтэй болох гэж байгаа нь тэр ээ…” гэсэн “Гэгээн Монгол” шүлгийг нь сонссон яруу найрагч О.Дашбалбар агсан “Аргал хомоол бичсэн хөдөөгийн бүдүүлэг залуу яруу найргийн гоо сайхныг гутааж байна” гэж хатуухан шүүмжилж байсан ч мань эр огт тоолгүй “Дээл гэдэг сайхан хувцас, дэрлээд унтахад дэр болдог, дэвсээд хэвтэхэд гудас болдог” гэх мэтээр авч өгнө. Ер нь жил жилийн наадмаар аз, эзийн шоо альхан тийшээ буухыг хэн ч таашгүй байдаг. Тэр жил соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар “Би хорин таван жил “Болор цом”-д орлоо. Одоо зодог тайллаа” гэж нулимстай шүлэг дуудаад буугаад явчихсан.

Гүрээ найрагчид хөтлөх, жүжиглэх, нэвтрүүлэх гээд найргийн тайзнаас гадна цаана нь зөндөө олон тайз үлдэж байгаа болохоор зодог тайлах бол тийм ч хэцүү даваа биш л дээ. “Тэмээ”, “Эхийн сэтгэл” шүлгүүдээ найргийн тайзнаас олон түмэндээ толилуулж байсан ардын яруу найрагч Пунцагийн Бадарч гуай саяхан уулзахад “Би энэ жилийн цомд Цоодолыгоо уруу татаж орно. Тэр жил би зодог тайлсан болохоос шуудгаа тайлаагүй” гэсэн нь бас бодох л үг. Дархан аварга А.Сүхбат зодог тайлчихаад зүлэг ногоон дэвжээнээ зүүний магнайд гарч болоод байхад яруу найргийн далай, дархан аваргууд яагаад “зодоглож” болохгүй байх билээ. “Болор цом”-ыг хамгийн олон жил олон түмэндээ хүргэсэн далай даян дархан хөтлөгчөөр буурал Бадарч найрагч, нэвтрүүлэгч Бямбаа гуай хоёр тодрох нь. Мөн наадмаар ав адилхан цагаан хослолоор ижил хоёр шувуу шиг жигдэрсэн хоёр бол аав, хүү найрагч Дамбын Төрбат, Төрбатын Зөнбилэг хоёр. “Болор цом” наадмын эргэн тойрон байлдааны талбар шиг үргэлж л халуун мэдээ мэдээллээр дүүрэн байдаг. Тухайлбал, “Болор цом”-д уначихаад тавин минут уйлсан хүн бол миний их гэрэлт анд, Завханы Их-Уулын Базарсадын Баттулга. МЗЭ-ийн шагналт эл найрагчийн ийм удаан уйлсан тухай баримтыг та соёлын гавьяат, судлаач Үржингийн Хүрэлбаатарын “Болор цом”-д борог өвсний шүлэг хэзээ түрүүлэх вэ” гэсэн алдарт шүүмжээс уншиж болно.

Наадмын дараа хамгийн их хүндэтгэлд умбасан тэр­гүүн цомтоноор Ховд аймгийн Дуут сумын уугуул, Уриан­хайн их найрагч Хөөдөөгийн Эрдэнэ­баатар шалгарах магадлал маш өндөр. Тэрээр оны тэргүүн найрагч болсныхоо дараахан “Утга зохиол, урлаг” сонинд ярилцлага өгөхдөө “Хүмүүс баяр хүргэсээр, гурван ч утас улайсгаж шатаалаа…” хэмээсэн байдаг. Мөн хамгийн их ахуйн менежмент хийсэн найрагчаар хоймор нутаг Хөвсгөлийн хүү Дархад Баттөрийн Мягмаржав тодрох магадлалтай. Тэрээр “Над шиг гэр хороололд байхдаа цом гардсан найрагч үгүй” гэсэн ярилцлага өгч, удалгүй тоосго шиг зузаан түүвэр нь хэвлэгдсэн байдаг. Үзэгчдийн суудлаас тайзан дээрх най­рагчийг шүүмжилсэн тохиол нэг бус удаа гарсан. Үүний нэг тод жишээ нь МЗЭ-ийн шаг­налт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолыг “Элчин Самбуу” шүлгээ уншихад “Самбуутай шүлэг гэж юу байсан юм бэ” гэж хашгир­сан явдал. Энэ асуултын хариулт ч үзэгчдийн чихэнд хоногшин үлдсэн байдаг. Цоо­дол найрагч шүлгээ аанай­хан уншиж байснаа нүдний шилнийхээ дээгүүр тоомсоргүй харж “Мягаа л байна даа, Мягаа байна” гэсэн нь үзэгч олонд “Байдаг л нэг согтуу найрагч” гэсэн ойлголтыг тэрүүхэн үедээ төрүүлж, өөрийнхөө шүлгийг сатааралгүй сонсгох боломж олгосон гэгддэг.

“Болор цом” наадам төгс авьяас билэгтнийг түмэн олонд таниулаад гаргаад ирдэг ч наа­дам бишийг дорнын их яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн хоёр удаа Эрээнцаваасаа ирж оролцон нэг, хоёрын даваанд унасан явдал гэрчилдэг. Дараагийн даваанд тэнцэлгүй унахаас гадна тайзнаасаа унасан тохиолдол ч бас гарч байв. Төрийн шагналт яруу найрагч Зундуйн Дорж агсан “Үхэр Монголын уур хилэн” шүлгээ дуудаж байгаад хөгжимчдийн суудаг яам руу унахад Бямбаа хөтлөгч “Найрагч маань хаачив аа” гэж үзэгчдээс сурагласан удаатай. Өвөрхангайн “Болор цом” дээр яруу найрагч М.Билэгсайхан тайзны ард унаад тэмцээнд оролцож чадаагүй бас нэг тохиол байна. Тайзан дээр хамгийн удаан нойрсогчоор Д.Энхболдбаатар найрагч шалгарахаар байгаа. Дархан хотод болсон найргийн наадмын үеэр түүний нэрийг хөтлөгч дуудсан ч тэрээр огт сонсолгүй үнэгчлэн нойрссоор байсныг Ү.Хүрэлбаатар шүүгч баталдаг. “Болор цом”-ын хамгийн зоригтой болоод бүдүүн зүрхтэй найрагчаар зураач, яруу найрагч Мягмарын Амархүү нэрлэгдэх нь гарцаагүй. Тэрээр “Ерөнхийлөгчийн эхнэртэй загас наадуулмаар байгаа”-гаа шүлгээр илэрхийлэн хайр зарлаж, бас хайр нь үзэн ядалт болон хувирч үзэгчдийг “Хар малууд аа” гэж хашгичсан гашуун түүх байдаг.

“Болор цом”-ын шүүгч томилохоор хуралдах үед жендерийн асуудал ч яригдаж байсан түүхтэй. “Тан руу нүүж явна” кино зохиол, “Хорвоод ганцхан ээждээ”, “Санана даа” зэрэг дуугаараа олны танил болсон соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Санжжавын Оюунаар шүүгч хийлгэе гэсэн саналыг эрчүүд үгүйсгэх үед яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт “Эрэгтэй шүлэг, эмэгтэй шүлэг л гэж байдаггүй юм бол эмэгтэй найрагчаар шүүгч тавьж яагаад болдоггүй юм бэ” гэж асууж байсан гэдэг. “Болор цом” наадам анх зохиогдож цомын эзэн тодроход яруу найрагч Базарын Цэдэндамбаа гуай “Болор цом, болор цом л гэнэ. Боржоом хийдэг л стакан байна шүү дээ” гэж хэрдээ агсарсан хөөрхөн шог байна. “Болор цом” наадамд соёлын гавьяат зүтгэлтэн, шог зохиолч И.Цэрэнжамц, яруу найрагч Ц.Чимэддорж, Ж.Сарантуяа, Б.Ойдов нар олон жил элэглэл уншсан байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Буурал найрагч Пунцагийн Бадарчтай хөөрөлдсөн тэмдэглэл

Чингис их богд улсынхаа өндөр наст өтгөс мэргэдийг цагаан дээл өмсгөж, цагаан эсгий өлмийд нь дэвсэж гүнээ хүндэтгэхийн ялдар бэхи цол өргөмжлөн үеийн үед дээдлэхийг үр ачдаа захидаг байсан гэдэг. Эдүгээ цагт улсын бэхи баймаар ухаант өтгөсийн нэг нь Пунцагийн Бадарч гуайг гэхэд хэн ч маргаж үл чадна. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн эл эрхмийг монгол түмэн “Есөн эрдэнийн орон”, “Адуу”, “Тэмээ”, “Морьд”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Эхийн сэтгэл” зэрэг олон сайхан шүлэг найргаар нь андахгүй. Буурал найрагчтай утас цохиж тохирсны ёсоор баасан гаригийн мандахын улаан наран магнайд гийхийн цагт Төмөр замын дуу, бүжгийн чуулгын арын дэнж дэх гэрт нь зочиллоо.

Цахилгаан шатаар хэлсэн давхарт нь гарвал цэлийтэл нээсэн хаалга их л дотно содон харагдана. Арц хүжийн анхил давхраар нэг сэнгэнэнэ. Яваад орвол буурал найрагчийнх мөн. Шүлэг найраг уншсаар түмний танил болсон сайхан дуугаараа хүнтэй утсаар ярих нь сонсогдоно. Хувцсаа өлгөөд том өрөө рүү орвол хөлийн чимээ авсан бар шиг сонин зүстэй шар алаг муужгай буйдан дээрээс толгойгоо гилжийлгэн “Хэн ороод ирэв” гэсэн янзтай жигтэйхэн тунгалаг нүдээр ширтэнэ. Өвгөн найрагч утсаар ярьж дуусаад “Суу, хүү минь” гэж буйдангаа заав.

Амар мэндээ мэдэлцэх зуур “Уржнангийн “Болор цом”-ын дараа Өвөрхангайгаас ээжийгээ зорьсноос чинь хойш бараг уулзаагүй байх шүү” гэж байна. Ийм том найрагч жирийн нэг шүлэгчтэй хэзээ уулзсанаа хүртэл барин тавин хэлж байгаа нь наддаа тэнгэрийн хишиг ч юм шиг сэтгэл өег байгаа гэж юу гэх вэ. Боргол найруулах зуур “Өнөөдөр хөгшний минь буяны зуу дахь өдөр” гэж цаанаа л нэг санаашрангуй гунигтай өгүүлж байна. Хэлэх үг ч олдсонгүй. Насан турш хамт байж зовлон, жаргалаа хуваалцсан ханиа ертөнцийн жамд булаалгана гэдэг ямархан их хэцүүг дэмий л өр зүрхээ өвтгөн байж төсөөлөх гэж оролдов. Яалтай ч билээ. Гэвч, өвгөн найрагч цахилгаан тулган дээр банш үйх зуур “Усанд чанасан банш ямар ч хоргүй сайхан хоол шүү дээ. Энэ манай монгол чинь ямар сайхан юм бэ дээ. Иддэг хоол нь хүртэл цаанаа л нэг өег” гэж дуу нь цолгиусаад ирлээ.

“Ах нь ер нь хэзээний сүүтэй цайнд сайн биш. Байнга кофе ууна. Цагаан сар, наадам гэсэн нийтийн баяр ёслолд тэгтлээ сэтгэл хөдлөөд, хорхог боодог гэсэн хүнд хоолонд дурлаад байхгүй. Харин хэзээний л нямбай зантай хүн дээ” гэж хүрэн туяатай нүдний ганган шилнийхээ цаанаас донжтой нь аргагүй ширтэж байна. Ээжийг минь бурхан болсныг сонсоод “Чи тэр жилийн цагаан сараар ээждээ зорьж очдог чинь ёстой болсон юм” гэх нь хүний зовлонг чин сэтгэлээсээ хуваалцаж чаддаг найрагчийн халуун сэтгэлтэйнх буюу. Бичгийн явган ширээн дээр найрагчийн өөрийнх нь шүлэглэж туурвисан “Бурхан багшийн сургааль” хэмээх хөндлөн үсгийн гонзгой судар харагдана. Энэ хооронд бар ирвэсийнх адил гоёмсог зүст шархан муужгай эзэндээ эрхлэн, суниасхийж, буйдан дээр нэг гарч, онгорхой тагтны наад талын цонхон дээр нэг нарласхийн сууж, тэгснээ Бадарч ахын гэргийтэйгээ авахуулсан зургийг нэг үнэрлэн, их л тааваараа аашилж аяглана.

Найрагч муураа нэг харснаа “Амьтан хүртэл хэцүү байх юм. Муу хөгшнийг маань илтэд үгүйлээд, хэлэхгүй л болохоос санаад байх шиг байгаа юм. Өнгөрснийх нь дараа тав зургаа хоног юм ч идэхгүй эцэж тураад хэцүүдсэн шүү. Одооноос л жаахан хоолонд ороод байна” гэснээ хоолой нь зангираад, дуу нь цахиртаад ирэв. Дэмий л муурных нь нэрийг асуулаа. “Ангир” гэдэг гэнэ. Ангираа ч нэрэндээ тохирсон ганган амьтан юм. Гадны зочин биднийгээ хөөрхөн шоглочих санаатай буйдан дээр гарч ирэн, хувцас хунараас зөөлөн зулгаасхийж байна. Эрх муу золиг юм гээч. Банш халбагадан өгөх гэвэл “Тэнд хоол нь байгаа. Юм өгч хэрэггүй” гэв. Өөрийнхөө намбай болсноо Баянжаргалангийн Нялгын бага сургуульд байхаас “Бараакуудтайгаа байснаас болсон” гэж тайлбарлалаа. Бараакууд гэдэг нь Хэрлэнбаян-Улаанд малаа оторлоод явчихсан аав ээжийнх нь ар тал болон хүүхдүүдтэй нь үлддэг өвөө, эмээ нар нь ажгуу. Халхын голын дайны утаа хөшиглөж байсан жил төрсөн их найрагч 1942 оноос ухаан орсон гэнэ. Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан армид морь бэлэглэхийг мэдэж байгаа учраас хүний ухаан орсноо сайтар мэдээд байгаа аж. Морь малийндана гэдэг нь нэг төрлийн сорилго тарилгыг нүдэнд нь дусаахыг хэлдэг байсан гэнэ. Маленов гэдэг орос эрдэмтний гаргасан сорил тариа учраас малийндах гэж монголчууд хэлээд заншчихжээ. Анзаарчээ суухад Бадарч ахын амнаас алтны үртэс шиг сайхан үгс төвөггүйхэн ундарч өгөх юм. Өнөөгийн монголчууд бид ямар ч азаар ийм сайхан сэцэн билэгт хүмүүнтэй нэгэн цаг үед амьдарч байдаг юм бэ гэх бахархал ч төрж байх шиг. Жишээ нь, мань эр өөрийгөө туулай жилд төрсөн гэдгээ “Эхийнхээ элгэнд нэг жил амьсгалж амьдарсан” гэж байгаа юм. Дэлхийн ямар ч суутан, ямар чиг мундаг ухаантан зөвхөн энэ үгийг зүгээр нэг урсгаад хэлчихгүй л байх.

Өвгөн найрагч “Настай хүнд архи дарс ч дэмий юм. Гэхдээ ёсолъё доо, хоёулаа” гээд гадаадын тансаг дарс номын богцноосоо гарган хундагалж байна. Хоолны даруулга, “сэтгэлийн галт шувуу” шидэт жигүүрээ дэвэн дэвэн, дүн өвлийн жаврыг ч уядуулан уясуулан жиргэх нь амьдрал үлгэр мэт, Бадарч ахын хүүрнэх амьдрал дэлгэцнээ амилах мэт санагдана. Христ бурханы тооллоор далан долоо, Бурхан багшийн Төгс буянтын зурхайгаар далан наймтай тэрээр 1944 оны бичин жил хүн болж ухаан сууснаас хойш Монгол орныхоо далан дөрвөн жилийн амьдралыг мэдэж байна гэх нь цээжний бангаар дэмий ч нэг хэлсэн үг биш нь хэнд ч ойлгомжтой юм. “Энэ хооронд би ямар олон хүнтэй уулзав, яасан урт зам туулав” гээд бодлогошрон дуугаа хураахад нь мөнгөн буурал санчигт тэргүүн нь үл ялигдуу бүжрэгнэн бөнжигнөх нь дээр үеийн орос дондогмаамуу зөөлөн савлах шиг харагдав. Найрагч анд Арлааны Эрдэнэ-Очирын минь “Энэ миний хувьхан заяаны зам…” гэх ухаарал сэтгэлийн чавхдас хөглөн сонсогдох мэт санагдав.

Сайн ба муу байсан нь хамаагүйгээр Бадарч ахын сэтгэлээс гурван хүн огт гардаггүй гэнэ. Хэн юм бол гэж чих тавин чагнахуй “Маршал Чойбалсан. Би маршалд тийм дуртай хайртай хүн биш. Баянзүрх сумын уугуул Буянтогтох аварга. Эрдэнэ-Очир арслангийн аав Өлзийсайхан, Буянтогтох хоёр манай аавын найз байсан. Гурав дахь нь Дандар баатар. Дандар муу туучийтай сайхан үерхэж явлаа. Намайг өлгийтэй байхад Дандар Халхын голд япончуудыг сэлмээрээ таалж явсан байхгүй юу” гэж хэвлүүтэв. “Дандар бид хоёр их найз. Дандарыг би их шүтнэ, биширнэ. Архины найз. Би армийн утга зохиолын нэгдэлд арван долоон жил ажилласан юм. Арми сурталчлах, эх оронч үзлийг бэхжүүлэх зорилгоор зургаан аймгаар би Дандартай явсан. Би Дандарын морин жолооч. Энд тэндхийн буудалд орохоороо надтай нэг өрөөнд орно. Гавьяат цолтой ч улс явж байгаа ш дээ. Надтай нэг өрөөнд ордгийн учир нь хамт архи ууна. Хоёрдугаарт, чемодандаа олон одонтой цэрэг хүрэм, хэдэн цамцтай явна. Тэрийг би савлана. Сум болгонд уулзалт хийх бүрт өнөөхийг нь би гаргана. Би зарц нь байхгүй юу. Хуучин дайчдынх нь өгсөн архийг хундагална. Олзвой баатартай яндан дуран, амьд хэл хулгайлсан Баянхонгорын Лүндээжанцан гуай хүртэл ирж байна. Дандарт цэргүүд нь нүгэлтэй хайртай. Дайчдынхаа авчирсан идээг “Манай морин жолоочид өг” гэнэ. Ийм учир тохиолоор Дандар гуай бид хоёр их дотноссон. Завхан хамт явж байгаад аваарт орж нэг нүдгүй болсон юм” гээд санаа алдан, өмнөх цэнхэр хайрцагтай зөөлөн “Esse” тамхинаасаа асаан, утааг нь шившин бодлогошров. Бадарч найрагчийг энд тэнд хөтлөгч хийж тунгалаг усан урсан буух мэт ярьж байгаагаар нь төсөөлөөд сурчихсан надад түүний бодлогошронгуй төрх гунигтай ч юм шиг санагдаж, зурагчныхаа аппаратны шар шархийх чимээг сонсон суухаас аргагүйд хүрнэ. Дандар баатрын лагшин чилээрхэж Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхад найрагч эргэж очиход “Би ганц л жил амьд явмаар байна” гэж хэлээд нүдэнд нь жаахан нулимс гялтганаж ирснийг залуу найз нь дурсаж байна. Ийм гунигт зүйлийг санан дурсана гэдэг хэн хүнд л хэцүү байх нь тодорхой.

Тавин оны Баян сумын наадмыг арван нэгэн настай Бадарч хүү аав эжийтэйгээ, авга эгчтэйгээ дөрвүүл үзэж явж. Тэр наадамд Дандар баатар барилдаж байгаа гэнэ гэсэн яриа одоогийнхоор ёстой сенсаци дэгдээж байна гэнэ дээ. “Сэлэм гялс, толгой бөнжгөс” алдартныг үзэх гэж наадамчид хуйлраад л сүртэй байж. Тэгтэл орой нь “Дандар морьтой хүнд дайруулаад хөлөө гэмтээж гэнэ” гэсэн яриа гарч. Нөгөө гэмтээсэн хүнийг ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, бурхан болооч сэтгүүлч Гомбын Дашрэнцэн нар сайн мэддэг байсан аж. Наадмын тэр шөнө морин туурай тачигнасан нь Дандар баатар, улсын начин Хөхөө хоёр байсан гэнэ. Хожмын найрагч хүү ингэж дайны их баатрын дүрийг анх удаа харж бахархан, бас жаахан эмээсхийн байжээ. Дандар баатар тэр шөнө хонины өвчүү шар шархийтэл зажлан идэж, тавь гаруй настай асан эмээг нь зааж “Миний эжий яг ийм хүн байсан. Би ч эжийгээ их зовоосон хүн дээ” гэж байхдаа нүдэнд нь жаахан нулимс гилтэгнэж байхыг лааны гэрэлд харснаа найрагч хүү хожим өөрт нь хэлж танилцаж байснаа дурсав.

Дандар шөнө явахдаа цагаан бор мориныхоо шанаа руу зөөлхөн алгадаж хэвтүүлээд мордуут пижигнээд алга болсон гэдэг. Хожим Бадарч гуай Дандартаа зориулж “Миний залуу нас дайны жилийн цэрэг явсан юм” шүлгээ бичиж, ая зохируулан дуу болгосон түүхтэй. Бадарч найрагч, ардын зохиолч Дашдооров хоёр нэг удаа Дандар баатрынд очиж. Нөгөөх нь үеийнхээ нэг хөгшинтэй шатар нүүж сууна гэнэ. Ганц лонх юмны бөглөө мулталж, сэтгэлийн таглаа онгойхын хэрд Дооров зохиолч “Дандар гуай, энэ сэлэм таны дайнд барьж явсан эд мөн үү” гэж, улмаар “Сугалж үзэж болох уу” гэхэд Дандар “Яахнав, чи сугалж. Толгойгоо авахуулах нь уу” гэхэд их зохиолч навтасхийн чимээгүй болж, гаран гартлаа үг дуугараагүй тухай ярихдаа доогтойхон мишилзэж, Дооровоо цагаахан дурсаад авав. Аливаа улсын үүх түүх гэдэг Бадарч гуай шиг эгэл жирийн юм шиг мөртлөө эгэлгүй сайхан амьдарсан хүмүүсийн дурдатгал дурсамжаас бүрдэж бүтдэг биз ээ.

Ангир нэрт шаргал муужгай буйдан дээр нарлан цагираглаж байснаа жаахан хүүхэд шиг үнэгчлэн унтаад өгөв. Найрагч муураа нэг харснаа “Ах нь одоо хоёр зээтэйгээ хамт амьдарч байна. Манай зээ нэг хамтлагт ажилладаг юм. Шөнө орой ч тарах юм. Одоо хорин гуравтай. Номын өргөөнд амарч байгаа” гэж баншнаас ганц нэг нямбай гэгч сэрээднэ. “Монголын нууц товчоо”-ны эрдэнийн эх хувийг хоймортоо залсан их найрагчийн “Есөн эрдэнийн орон” уянгын найраглал Монголын ард түмний оюун сэтгэлийн хойморт үеийн үед залагдана гэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө. Найрагч Бадарч Л.Түдэвийнхээ романаар 1978 онд “Нүүдлийн замд” дуурь бичиж, хөгжмийн зохиолч Г.Дарамзагд хөгжмийг нь бичжээ. 2002 онд төрийн шагналт Б.Шаравтай “Чингис хаан”, 2006 онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравтай Чингис хааны төрийн дөрвөн их хатдын тухай “Их хааны хатад”, улиран буй онд шавь Дамбын Төрбаттайгаа Богд хааны тухай “Оройн дээд” дуурь бичжээ. Зохиолч Б.Сарантуяагийн “Сорхогтуни хатан” роман түүний ширээн дээр тавиастай. Сонирхон асуувал “Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэг дөрвөн хааны эх энэ монгол хатны тухай нэг сайхан дуурь биччих юм сан. Даанч таних олигтой хөгжмийн зохиолч алга. Жанцанноров, Шарав хоёр ч надад олдохгүй юм” гэхээр нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Бирваагийн Мөнхболдтой утсаар холбогдож зуучлах маягийн юм болов. Тэр хоёр ч арваад минут ярьж хамтарч дуурь бичихээр болов бололтой. Монголын авьяасын гэрэлт хоёр хүмүүн нэг сайхан дуурь хамтарч туурвибал хэчнээн сайхан билээ.

Хүний амьдрал гэдэг эртний Хятадын сэтгэгч Күнзийнхээр бол дардан сайхан харгуй аж. Ийм зүв зүгээр амьдралаа хүн өөрөө л зовлон бэрхшээл болгож хувиргадгийг найрагч маань анзаарчээ. Хүсэл шуналаасаа болж эд хөрөнгө цуглуулж, алдар нэрэнд донтож, ертөнцийн түмэн чивлийг гүйцээдэг гэнэ. Аль ч цаг үед хүн өөрийгөө өөрчилж чадалгүй, ухаанаасаа болоод амьдралын түмэн зовлонг туулдаг байна. Зүв зүгээр явж байсан чоныг хараад арьсанд нь шунаад буудчихдаг. Бууж очоод авах гэтэл чоно хэвтэж байгаад ухасхийгээд хоолойг нь тас хазчихдаг. Энэ чинь л зүгээр амьдралаа зовлон болгож байгаагийн жишээ гэж тайлбарлав. Пунцагийн Бадарч хэмээх сэцэн боржигоны энэ их найрагчийн амнаас унаж байгаа үг бүхэн алтны үртэс шиг, зовлон жаргал туулсан амьдралаа хүүрнэхдээ мэлтэгнэх сэтгэл нь мөнгөн ус шиг бөмбөрсөн хайлган цайлган хүн юм. Сонгуулийн хар машин шатаасан тухай хошин ч гэмээр, бодоод үзэхээр үнэн зөв ч гэмээр зөвлөгөө өгч тэрүүхэндээ нэлээд инээгээд авав. “Сонгууль болох өдөр уг машиныг улаан, цэнхэр хоёр өнгийн эдээр бүрчихэд манай Ардчилсан намынхан цэнхэрт нь, харин миний шавь Ж.Мөнхбатын МАН-ынхан улаанд нь саналаа өгчихнө. Энд тэгтлээ маргалдаад, сөргөлдөөд байх шаардлага огт байхгүй” гэж ирээд үнэн голоосоо инээв. Нээрэн ч бодоод байсан, асуудлыг хүндрүүлээд байлгүй иймэрхүү маягаар хөнгөхөөн шийдчих юмыг л хүн төрөлхтөн бэрхшээл зовлон болгоод, тэмцэж тэрсээд байдаг гэнэ дээ. “Үндсэн хууль”-ийн “загалмайлсан эцэг” гэгддэг Бирагийн Чимэд гуайг биширч хүндэлдгээ ярьж байна, тэр.

Бидний яриа улс төр, хуулийн сэдэв рүү ч халтирлаа. Английн нэг хаан хулгай хийсэн хүнийг ураг төрлөөр нь цаазлах хууль гаргажээ. Хулгай ч гарахаа больж. Тэгтэл хааны холын хамаатны нэг нөхөр хулгай хийсэн нь илэрч хуулийн дагуу хаан ч цаазаар авахуулжээ. Амьдралаас ургаагүй хууль ийм л аюултай гэж тэрээр сануулж байсан. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн өгүүлсэн нэг үлгэрийг тэр ярилаа. Чоно элбэгшээд дийлдэхээ больсонд “Яаж устгах вэ” гэтэл “Гал тавьчихъя” гэцгээн өвсөнд шүдэнз зуртал чоно нь бүгдээрээ зугтаад уул нь шатаад хоцорчээ гээд наранд гэрэлтсэн хоёр чихээ дэрмэлзүүлэн үнэн сэтгэлийн гүнээс жигтэйхэн их инээв. Энэ инээдийн цаана ардын хүүхдийн амьдралаас тасархай хуулийг шүүмжилсэн нулимс унам гашуун үнэн нуугдах аж. Америкт ард түмний дунд яригддаг онигоо судалдаг академи хүртэл байдаг юм гэнэ лээ. Онигоо гэдэг чинь зүгээр ч нэг маазрал марзаганал биш. Ард түмний сэтгэлзүйг судлах их ухаан гэж буурал найрагч маань ярьж байна. Найрагчийн аав Пунцаг малын бага эмч хүн байсан гэнэ. Пунцаг гуайн аав их хэлмэгдүүлэлтийн үеэр баригдаж дээлээ нөмөрчээ. Дотоод яамны төлөөлөгчийн гүйлгэх өвчнийг хоёр өртөө газраас Дагдан отчоос нууцаар тан залж эдгээгээд, аавыгаа аварсан их нарийн ухаантай хүн байсан гэж найрагч хүү нь ааваараа бахархаж сууна.

Найрагчийн ханан дахь сэлмийг хараад заавал ч үгүй хариу авмаар асуулт аман дээр гарч ирээд болсонгүй. Хэдэн жилийн өмнө хэвлэл дээр “П.Бадарч найрагч гэрийнхээ баганыг сэлэмджээ” гэсэн нэг мэдээ гарсан юм. Тэр мэдээнд дурдсанаар найрагчийг сэлэм барьж дүвчигнэснээс хойш “Эх орны цэрэг” яруу найргийн наадмыг сэлмээр байлахаа больсон гэсэн утгатай өгүүлбэр байсан юм. Үг, үнэн хоёр зөрж байна. Найрагч бүр залуудаа сайн үзүүр тохой нэг гуулин сэлэмтэй байхдаа омголон зан гаргасныхаа төлөө цагдаад тэр эдлэлээ хураалгаж байснаа нуусангүй. Харин хожим Төмөрбат хурандаагийн дараа авсан сэлэм нь өнөө болтол гэрийг нь чимж байгааг өгүүлж байсан. БХЯ-наас Бавуугийн Лхагвасүрэн, Дөнгөтийн Цоодол нарын тулхтай цөөхөн найрагчид сэлэм бэлэглэж байжээ. Тэрээр “Есөн эрдэнийн орон” алдарт найраглалаа оргилсон их хүслээр ганцхан шөнийн дотор бичиж байснаа дурсав. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн “банхар” хэмээх Пүрэвжавын Пүрэвсүрэн найзыгаа хэвтэрт олон жил болоход үе үе эргэдэг байснаа ярихдаа найрагчийн хоолой мөн л зангираад ирлээ. “Дархан бэрийн дуу” шүлгээ уншиж уяран тайтгарах найрагчийн хоолой нөгөө л уяхан залуу хэвээр уянгалав. Энэ жилийн “Болор цом”-д тэрээр шүлгээ уншина гэж МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Гомпилдоогийн Мөнхцэцэгт албан ёсоор мэдэгдсэнээ нууцалсангүй. Тэрээр арваад жилийн тэртээ “Болор цом”-д орохгүй гэж зодог тайлсан удаатай. Тэр уншигч олондоо “Би зодог тайлсан нь үнэн ч шуудгаа тайлаагүй шүү” гэж учирлаад Дөнгөтийн Цоодол найзыгаа уруу татаж хамт орох төлөвлөгөөтэй сууна. “Ноёны бөх гээд намайг айргийн тавд үлдээвэл би нэрээ татаад авчихна” гэж алиалахаа ч мартсангүй.

“Амьдрал аа гэж

Арслангийн дэл нь тавагандаа байдаг шигээ юм

Аалзны хэвлий нь нуруундаа байдаг шигээ юм

Амаараа могой төрөх шигээ юм

Асгандаа цэцэг ургадаг шигээ юм

Амьдрал аа гэж

Үдэш ирсэн морьтон “хононо” гэж байснаа

Үг сүггүй гэнэтхэн мордоод явчих юм

Амьдрал аа гэж

Тунгалаг цагаан саран оддын дундаа дүүрэн

Тэргэлтэж таргилтаж байснаа хавиргалах шиг юм.

Амьдрал аа гэж

Хангайд зуссан хотын айлууд нэг л өдөр

Хаалгаан, цонхоон ив ив хадаж нүүх шиг юм

Амьдрал аа гэж

Бороо арилж, солонго алаглан татсанаа

Шороо дорхноо босож, түйрэн эргэх шиг юм даа

Амьдрал аа гэж

Орь залуухан охин гэв гэнэтхэн л

Ор сураггүй алга болох шиг юм

Амьдрал аа гэж

Нуур бараадсан ангир галуу бас тогорууд

Нуугин ганганаж байснаа ганд гацаад чимээ нь тасрах шиг юм

Амьдрал аа гэж

Гоо бүсгүй нүв нүцгэн

Голд сэлэн байснаа

Хэд сарвалзан тийчлээд

Хэнд ч харагдахгүй болох шиг юм

Амьдрал аа гэж

Огторгуйн хаа нэгтээ орь их дуун гарахад нь

Онгоц унав уу гэтэл уначихсан л байх юм

Хаан шоронд өлсөж

Хатан нь эрд гарч

Чөтгөр цам харайж

Бурхан нам дугжрах шиг юм” гэж намуухан унших буурал найрагчийнхаас үдүүлэн гарахад өвлийн үдийн цонхигор цагаан нар илч муутай харагдавч сэтгэлд зуны их үдийн том оо улаан наран цоонох мэт халуун дулаан эрчис төөнөн байх ажгу.