Categories
мэдээ цаг-үе

С.Төгс-Оюун: Би Булганы Баян-Агтынх биш Австралийн хүн гэдгээ мэдэж авсан

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Содномын Төгс-Оюунтай уулзаж хөөрөлдлөө.

-Эмэгтэйчүүдийн баяраа яаж тэмдэглэв. Таны бийр чинь уран, бэх будаг чинь солонгорч онгод цадиг арвин байна уу?

-Эмэгтэйчүүдийн баяр сайхан боллоо. Сүүлийн үед номын чимэг, уран зураг нэлээд зурж байна. Уран зургийн галерей бидний уран бүтээлчдийг хүлээж авч хүндэтгэл үзүүллээ. Монголын урчуудын эвлэлийн хороон дээр гарсан “Сарангоо” үзэсгэлэнд хоёр бүтээлээрээ оролцлоо. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг хараад авьяаслаг, хүчтэй эмэгтэй зураачид олон төрж байгаад өөрийн эрхгүй бахархаж байлаа.

-Монголд эмэгтэй зураачид олон байдаг биз?

-Монголд хүн бүхэн л зураач. Одоогоос арваад жилийн өмнө би олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн зохион байгуулсан юм. Тэгэхэд гучин хэдэн эмэгтэй зураачийг арайхийн цуглуулж, Соросын сангийн тусламжтай катологи гаргаж байлаа. Одоо тэр үетэй харьцуулахын аргагүй олон эмэгтэй зураач уран бүтээл туурвиж байна. Монголын урчуудын эвлэл зургаан зуу гаруй гишүүнтэй. Түүний нэг зуу гаруй нь эмэгтэй зураачид байна.

-Монголын дүрслэх урлагт Саранцацралт, Насанцэнгэл, Төгс-Оюун, Мөнхцэцэг гээд тун цөөхөн эмэгтэй зураачид байдаг байлаа даа?

-Оюунчимэг, Туяа багш, зээгт наамал хийдэг Уранчимэг, ахмад хэдэн уран хатгамалчид байдаг байсан. Одоо байдал их өөр болж, эмэгтэй зураачдын эгнээ үнэхээр өргөжсөн.

-Таны удамд уран зургийн авьяастнууд байдаг уу?

-Манай удамд зурдаг хүн мэдэгдэхээр байгаагүй. Миний хувьд багаасаа л зурж эхэлсэн. Хүүхэд болгон л зураг зурдаг даа. Зураач болно гэдгээ мэдэхгүй явж байгаад хувь заяаны эрхээр л нэг мэдсэн зураач мэргэжилтэй болсон доо. Монголын хүүхдийн ордны зургийн дугуйланд явж Энхболд багшаараа анхны мэдэгдэхүүн заалгаж, 1970 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн ангид орж, ардын зураач О.Цэвэгжав, Амгалан, зураач Эрдэнэбат багш нараасаа урлах эрдэмд зүгширсэн минь хүн болсны дээдийн заяа байж. Ардын зураач Амгалан багш маань эрчтэй хөөцөлдсөний үр дүнд намайг хоёрдугаар курст байхад Дүрслэх урлагийн дунд сургууль байгуулагдсан. Энэ сургуульдаа дөрвөн жил сурч төгсөхдөө зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужид хийсэн чимэг зургаар дипломын ажил хамгаалж, ЗХУ-ын Суриковын нэрэмжит Уран зургийн академид явсан.

-Билгүүн хүүрнэлч Лувсанцэрэн гуайн алдарт туужийн чимэг зургаар диплом хамгаална гэдэг бахархалтай явдал шүү?

-Унаган багын найз Ш.Бадамханд, П.Бямбасүрэн нар маань тэр гайхамшигтай номыг надад бэлэглэсэн юм. Тэр өдөр би нүд салгалгүй уншиж дуусуут үзэг, бэх барин үйл явдалд нь тааруулан өч төчнөөн зураг зурж билээ. Мөнөөх зургуудыг харсан И.Цэрэнпил багш маань надаар торгон хавтастай бяцхан ном хийлгэлээ. Хавтасны зургийг торгон хэвлэлээр бүрж, бас төмөр барын зургаан том зураг бүтээлгэн хэвлүүлж, алган дээр багтах бяцхан ном маань бэлэн болсон. Гараар ном хийх аргыг зааж сургасан багшийнхаа ачийг хэзээ ч мартахын аргагүй. Миний бүтээсэн бяцхан ном Д.Амгалан багшийн маань төдийгүй өөр олон хүний талархлыг хүлээж 1974 оны намар Москва хотыг зорих замыг надад хайрласан даа. Монголын шрифтийн урлагийн мастер Цэрэнпил багш минь анхны шавиа эрдмийн моринд дөрөөлүүлсэндээ сэтгэл их өөдрөг байсныг өнөө ч би санасаар явдаг.

-Хойно хэдэн жил сурав?

-Зургаан жил сурахдаа төмөр бар, хулдаасан бар, зурагт хуудас, суурь зураасан зураг, номын чимэглэл зургийн хичээл заалгасан.

-Танаас өмнө номын чимэг зургаар дагнасан зураач Монголд олон байдаг уу?

-Зураасан зургаар Цэвэгжав багшийн хүү Дагваням гэж зураач байсан.

-Бие даасан олон үзэсгэлэн гаргасан биз?

-Англи, Япон, БНХАУ, Энэтхэг, БНСУ, ОХУ гээд гадаад, дотоодод бие даасан, хамтарсан хорь гаруй үзэсгэлэн гаргасан байна.

-Уран зургийг тайлбарлах хамгийн тэнэг гэцгээх юм билээ. Хүн хүний билгийн мэлмийд яаж буухаас шалтгаалдаг болохоор тэр биз. Урланд чинь байгаа зургуудыг харахад эмэгтэй хүний хөхөн дээр могой цагирагласан ч байх шиг, эсвэл говь нутгийн үзэсгэлэнт байгалийг ч дүрсэлсэн байх шиг. Та уран бүтээлийн сэдвээ хаанаас, яаж олдог вэ?

-Номын зураач болохоор ном их уншина. Хоёр зуу гаруй номыг хянагчийн хамт хэвлэгдэхээс нь өмнө уншсан байх жишээтэй. Тэр бүхнээс янз бүрийн санаа сэдвээ олж авна. Уншихаас гадна маш их аялна. Хорин нэгэн аймгаараа явлаа. Говьд аялах их дуртай. Сүхбаатар, Өмнөговь аймгуудад гэхэд найман ч удаа очсон. Энүүхэндээ гэхэд аялагч хүн л дээ, би.

-Эх орноороо аялж явахад сонин хачин зүйл их тохиолдох уу?

-Өө их тохиолдоно. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас гараад жар гаруй километр үргэлжлэх Баруун Монголын их элсийг тэмээгээр туулахад аадар бороо ороод, төөнөм их нар шараад кинон дээр гардаг шиг байгалийн түмэн янзын араншинтай учирч л байлаа. Нутгийн улсаар газарчлуулаад тэр бүхнийг даваад гарна даа.

-Хоёр зуу гаруй номын чимэг зурахдаа алдар суутай хэн хэн гээч зохиолчийн бүтээл дээр ажиллав?

-Ардын уран зохиолч, өгүүллэгийн их мастер Сэнгийн Эрдэнийн хорин ботийн зургаан номд зураг зурсан. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Магваны Эрдэнэбатын “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэг, Бидэрийн Баярсайханы өгүүллэгүүд, Чингиз Айтматов, Балжирын Догмидын өгүүллэгүүд санаанаас огт гардаггүй юм. Бавуугийн Лхагвасүрэн гуайн яруу найраг зурахад гайхамшигтай.

-Энэ жил та хаагуур аялж, хаана үзэсгэлэнгээ гаргах гэж байна?

-Баянхонгор аймгийн Баянлиг сум руу дөч гаруй зураачдын багт багтаж, Хэрмэн цав орж судалбар хийнэ. Намраас Эрхүү хотод гарах Монголын зураачдын үзэсгэлэнд оролцоно.

-Зургууд тань аль хэр гүйлгээтэй байдаг вэ?

-Зураг болгон өөрийн эзэнтэй. Өөрт таалагдахгүй байсан зургийг нэг өдөр хүн аваад явчихдаг. “Зураачийн сайн бүтээл өөрт нь хадгалагддаг” гэж багшийн маань хэлдэг үг үнэн байх. Зураг өдөр тутмын талх биш, маш үнэтэй капитал. Тиймээс үр хүүхдэд маань хэзээд л хэрэгтэй оюуны хөрөнгө дөө.

-Яруу найрагчдын нэгэндээ дурсгасан ном номын санд нь хадгалагдаж байдаг. Зураачид харин нэгнийхээ бүтээлийг галерей маягаар хадгалдаг болов уу?

-Надад тийм үнэ цэнтэй бүтээлүүд байдаг. Зураач Дүйнхоржав, Өлзийхутаг, Чогсом гуай, Базарваань гуай, Рэнцэн гуай, Дорждалам гуай, Дондог багш нарын чин сэтгэлээсээ бэлэглэсэн бүтээлүүд манайд бий. Би гэртээ өөрийнхөө зургийг огт тавьдаггүй. Уран бүтээлч нөхдийнхөө зургийг ханандаа хадсан. Ер нь галерей гэж хэлж болно. Хамгийн ойр дотнын хайртай уран бүтээлчдийн маань зургууд манайд байдаг. Миний хань, философийн ухааны доктор Сайнхишиг маань Архангайн Тариатын уугуул. Архангайн 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгээс би зураач Галбадрахын Хоргын тогооны зургийг худалдан авч бэлэглэсэн. Бас Булган уулын зургийг авч гэрээ чимсэн.

-Та өөрөө аль нутгийн хүн бэ?

-Би хотын унаган хүүхэд. Аавынхаа талаар Булганы Баян-Агтын хүн байхгүй юу. Булганы зураачдын үзэсгэлэн гарахаар нь нутагтай хүн болох гээд оролцсон чинь аймгийн удирдлагууд нь ч тоосонгүй. Хамгийн сонирхолтой нь баахан австралиуд ирж, миний зургуудыг худалдаж аваад, хөдөөгүүр намайг хөтчөөр авч явлаа. Дараа нь Өмнөд Австралийн цөл, Флиндерсийн нуруунд аялуулсан. Мельбурнд үзэсгэлэнгээ хүртэл гаргасан. Үүнээс хойш “Би ер нь Булганы хүн биш Австралийн хүн юм байна” гэх болсон. (инээв) Австралийн бүжгийн урлагийг сурталчилдаг Маркус Шутьенко хэмээх залуу гэргийтэйгээ миний зургуудаас худалдаж авч байлаа.

-Та сүүлд ямар бүтээл гараас гаргав?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун эгчийн “Шидэт цэцгийн эрэлд” нэртэй хүүхдийн номын зураачаар долоон настай ач охин Ү.Дөлгөөндалайгийн хамт ажиллалаа. Монгол түмний шагай наадгайн нэгэн төрөл болох дөрвөн бэрхийн тухай болон нүүдэлчин ардын амьдрал ахуй, таван хошуу малын нялх төл болох эрэлхэг унага, ботго, хурга, тугал, ишигний тухай сонирхолтой түүхийг өгүүлсэн ном байгаа юм. Олон жилийн өмнө Оюун эгчийн яруу найргийн номын зураг чимэглэлийг хийж байсан бол энэ удаа хүүхдэд зориулсан энэхүү номын зураг чимэглэлийг бас хийлээ. Энэ ном удахгүй англи хэлнээ хэвлэгдэн гарахаар болсон.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн гэргий Б.Навчаа: Ханийн минь надад зориулж бичсэн шүлгийн гар бичмэлүүд бий

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн насны хань Балдангийн Навчаатай уулзаж хөөрөлдлөө.

-Таныг Пүүжээ ахын гэргий гэхээс өөрөөр үнэндээ сайн мэдэхгүй юм. Ингэхэд та аль нутгийн хүн билээ?

-Би Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн хүн. Аав маань Тасрангийн Балдан гэж хүн байсан. Монголбанкны Ерөнхий хорооны анхны даргын албыг дөчөөд оноос хашсан хүн л дээ. Уг гарал нь Дорнод аймгийн Булган сумын уугуул. Улсын мэргэн харваач цолтой, Сүхбаатарын одон, Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонтой Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн хүн байлаа. Ээж маань Цагаанхайрханых болохоор намайг төрөх үед манайх тэр суманд айл болон аж төрж байсан юм билээ. Цагаанхайрхан чинь Увсын халх сумдын нэг. Би төрсөн нутгаараа Увсынх ч гэлээ дөрвөд, баяд аялга огт мэддэггүй. Намайг төрөөд удалгүй хотод шилжиж ирсэн болохоор үндсэндээ Улаанбаатарын иргэн гэхэд хилсдэхгүй шүү. Би чинь уг нь 1943 онд төрсөн юм. Сургуульд найзтайгаа хамт орох гээд насаа нэмэн дөчин хоёр оноор бичүүлчихсэн. Пүүжээ минь надаас тав ах хүн байлаа.

-Та эцэг эхээс олуул уу?

-Бид эцэг эхээс гурвуул. Би айлын ууган охин. Миний дүү Балдангийн Алтанцэцэг гэж Монгол Улсын гавьяат жүжигчин, СУИС-ийн бүжгийн найруулагч, багш байлаа. Оросын их хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Шелкунчик”, “Хунт нуур”, С.Прокофьевын “Чулуун цэцэг”-ийн цыган бүжиг, Минкусын “Дон Кихот”, Ф.Шубертын “Серенада”, Н.Конкегийн “Орос кадриль бүжиг”, Д.Шостоковичийн “Вальс”, Э.Чойдогийн “Мөнгөн залаа”, “Шарилжин дундах цэцэг” бүжгийн жүжгийн адажио, Ж.Чулууны “Уран хас” бүжгийн жүжиг, И.Штраусын “Вальсын аялгуунд”, Р.Корсаковын “Шехерезада” бүжгийн жүжиг зэрэг дотоод, гадаадын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдийн бүжгийн хэсгийг найруулж тайзнаа тавьсан авьяаслаг дүүгээрээ дэндүү бахархдаг байлаа. Харамсалтай нь уржнан жил гэнэтхэн өөд болсон. Отгон дүү Энхбулаг маань гадаад яаманд олон жил ажилласан хүн. Ноднин ханиа хорвоогийн жамд үдээд гуравхан хонож байтал бурхан боллоо. Хүний хорвоо гэж ийм л богинохон тавилантай бурхны хишиг юм байна.

-Таны сайхан ханийг Монголын ард түмэн зохиол бүтээлээр нь андахгүй. Пүрэвсүрэн хэмээх тэр агуу уран бүтээлчийн талаар сайхан дурсамж дэлгээч?

-Би МУИС-ийн сэтгүүлчийн анхны ангийг 1964 онд дүүргээд “Залуучуудын үнэн” сонинд хуваарилагдсан. Ер нь манай ангийг төгссөн гуч гаруй хүн бүгд төвийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилд орцгоосон. Пүрэвсүрэн сэтгүүлчээр ажиллаад гурав дөрвөн жил болчихсон архаг амьтан байхгүй юу. Манай хүн чинь өмнө нь амьдралтай байсан. Охин Энхзаяа, хүү хоёр нь одоо ч бидэнтэй холбоотой байна. Залуу улс биендээ татагдаж, хоёр гурван жил үерхэж байгаад 1967 онд манай аавын авч өгсөн байранд орж, хойтон жил нь охин Заяа маань төрж байлаа. Охин цэцэрлэгийн багш. Арвандөрвөн жилийн дараа хүү Пүрэвжаргал маань төрсөн. Хүү “TV-9” телевизэд аав ээж хоёрынхоо мэргэжлийг өвлөн сэтгүүлчээр ажиллаж байна. “Монгол коммент” нэвтрүүлэг хөтөлдөг залуу гэхээр хүмүүс таних байх.

-Пүрэвсүрэн зохиолчийн уран бүтээлээ туурвидаг нууц нь юу байв?

“Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа…” гэдэг ардын гэмээр алдарт дуугаа надтай танилцахаас өмнө бичсэн байсан. Ер нь манай хүн хэдүйдээ зохиолоо биччихдэг байсан юм бол гэж би одоо ч гайхдаг. Хүүхэд шуухдаа л гэнэ үү гэхээс зохиолоо бичсэн эсэхийг нь анзаардаг ч үгүй байж. Өдөр, ажил дээрээ л бичдэг байсан байх. Хааяа шөнөдөж суух нь сууна. Гэхдээ л махраад махаа идээд байдаггүй байсан. Харин “Үдийн нар өндөр” туужийг нь би машиндаж өгч байсан юмдаг.

-Танд зориулж олон зохиол бичээ болов уу?

-Пүрэвсүрэн их өргөн сэдвээр бичдэг зохиолч шүү дээ. Эх орон, нутгаа их бичнэ. Харин гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулдаг “Шинэ жилийн үдэш” дуу зурагтаар явахаар л “Чамд зориулсан дуу гарч байна” гэдэг сэн, хөөрхий. Тэр нь ч үнэн л дээ. Наян хэдэн онд надад зориулж бичиж өгсөн шүлгийнх нь ноорог ч байдаг юм. “Цастай гудамж гантиг шиг цайрч

Цацрах гэрлээр туяаран мишээгээд

Холын тэнгэрт одод инээнэ

Хонгор чи минь дэргэд ирнэ ээ

Энэ жилийн эхний наадам

Шинэ жилийн шөнө сайхан аа

Энэ жилийн эхний наадам

Шинэ жилийн шөнө сайхан аа…” гээд миний нэрийг бичээд дурсгаж билээ.

-Та одоо хэнтэйгээ аж төрж байна. Бурхан болоочийн уран бүтээлийн найз нөхөд, шавь нар эргэж тойрч байна уу?

-Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ эрхлэгч маань мэнд мэдэж үе үе ярина. Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Дорждулам, Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Цэнд-Аюушийн Ичинхорлоо, яруу найрагч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс нар утасдана. Зохиолч Дөнгөтийн Цоодол өвгөний сайн найз байсан болохоор байнга л ярина. Би зээ хүү Хантүшигтэйгээ голдуу өнжинө. Энэ ч ёстой л “дайсны цэрэг” дээ. Хоёрхон ойтой мөртлөө л тэнд ч тавагтай чихэр хуурайлаад л, энд ч ам арчдаг цаас хөврүүлээд л эмээгээ зүгээр суулгана аа нэг байхгүй шүү дээ. Өвгөний маань бэлэглэсэн хөөрхөн цэцэгтэй амны алчуур байдаг юм. Нэг өдөр харчихаад нэхээд байхаар нь өгчихсөн чинь харин хогийн саванд аваачаад хийчихсэн байдаг байгаа. Түүнээс хойш энэ Хантүшигийг явснаас хойш хогийн саваа хүртэл шалгах ажилтай болсон. Сая хүртэл аавынхаа цагийг хааш нь хийчихсэн юм бүү мэд. Аав нь хайгаад л байна.

-Та өнөөгийн бидэнд байхгүй сайхан цагаан шүдтэй хүн юм. Шүд арчилдаг нууц аргатай юм биш биз?

-Би хоол идээд шүдээ угаадаг зантай хүн. Залуудаа нэг шүдээ ломбодуулснаас биш бүх шүд эв эрүүл шүү. Тэгж ломбодуулахад “Соодтой усаар байнга зайлж бай” гэж эмч зөвлөсөн юм. Өдөрт гурван удаа соодтой усаар зайлсных бүрэн байж мэдэх юм шүү.

-За тийм байж. Танайхаар зохиолч, яруу найрагчид их ирдэг байсан даа?

-Манай босгоор өвгөний багш төрийн шагналт яруу найрагч “Хүрэн морь”-ны Лхамсүрэн гуайгаас эхлээд олон зохиолч ирдэг сэн. Манайхыг МУИС-ийн тэндэх байранд байхад яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нар их ирнэ. Болд-Эрдэнийг ороод ирэхээр л “Заяа дүүгийнхээ зургийн даалгаврыг хийгээдэхээч” гэхээр жигтэйхэн уриалгахан зурна. Заяа дунд сургуулийн сурагч байхгүй юу. Нэг удаа сайхан мод зурлаа. Пүрэвсүрэн харж харж “Чи тийм амьд юм шиг адилхан зурж болохгүй шүү. Багш нь муу охиныг маань зураагүйг мэдээд муу тавьчихвал яана” гэж ямар сайндаа хэлж байхав.

-Ханийн чинь багш анх танайд орж ирээд гарахдаа таны нэрийг тав өөрчилж дуудсан гэдэг үнэн юм уу?

-Лхамсүрэн гуай манайд орж ирээд миний нэрийг асуулаа. Навчаа л гэлээ. Цай бариад ортол “За тэгээд ажил өндөр үү, Цэцгээ” гэж байна. Удаа ч үгүй л “Чимэгээ охин минь” гэдэг юм. Нэг тийм юм болох нь болсон шүү.

-Пүүжээ ах архиа танаас нууж савтай гурилд нуудаг байсан гэл үү?

-Нэг удаа ажлаас эртхэн тараад иртэл зохиолч Дашдооров, манай өвгөн хоёр гал тогоонд их л томоотой сууцгаах юм. Би хувцас хунараа солиод ороод ирэхэд нөгөө хоёр чинь гэм хийчихсэн хүүхдүүд шиг, Пүрэвсүрэн хулмаганаад нэг л биш ээ. “Та хоёр чинь яачихаад байгаа юм. Ганц лонх юм авахуулах уу” гэсэн чинь Пүрэвсүрэн босож очоод гурил дотроос нэг шил архи гаргаж ирээд ширээн дээр тавиад “Ханиасаа айгаад хийчихсэн чинь санаа зовоод салдаггүй” гэж санаа нь амарсан янзтай, ширээн дээр бөөн гурил тариад суудаг юм. Миний инээд хүрээд нөгөө өрөө рүү гүйгээд орж байгаа юм чинь. Тэгэхнээ, намайг ирлээ гэнгүүт л Дооров “Архиа гурилд хийчих” гэж арга зааж өгсөн юм билээ л дээ.

-Ханиа төрийн шагнал авахад яаж тосож авав?

-Социализмын үед ажил тасалбал арга хэмжээ авахуулна гээд их айдаг байлаа. Пүрэвсүрэнг төрийн шагнал авахад би сонины нүүрээ унших бөөн ажилтай болчихоод очиж амжаагүй. Өвгөн маань л төрийн ордонд очиж аваад ирж байсан. Сонины нүүр уншиж оройтохоор л хань минь шөнө хүрч ирж ханиндаа уншилцдаг байлаа. Насаараа л нүдээ ширгэтэл ном сонины алдаа хянахдаа ажлаа хийж байна гэж хамтдаа уншиж жаргаж байснаас зовлоо зүдэрлээ гэж огт боддоггүй байж. Хоёр хүүхдээ гэртээ цоожилчихоод л Улсын хэвлэх үйлдвэр дээр сониноо уншаад суучихдаг байсан даа.

-Зохиолч П.Пүрэвсүрэнгийн дурсгалыг мөнхжүүлэх талаар ямар ажил хийх бодолтой явдаг бол?

-Төрсөн нутаг Баянхонгорын Баацагаан сумынхан уг нь хөшөөг нь босгоно гэж ярьж байсан. Сүүлийн үед сураггүй боллоо. Чухам яасан юм, бүү мэд. Бурхан болсных нь дараа “Мөнхийн үсэг” группын Доржсүрэн ирээд яруу найраг, өгүүллэг, туужийнх нь бүрэн ботийг гаргая л гэж байсан. Ботилбол ч уран бүтээлээс нь гадна дурсамж дурдатгалын гар бичмэлүүд нь ч байж л байна.


Categories
мэдээ цаг-үе

Бидний аав Жамбын Пүрэв гуталчнаас ажлын гараагаа эхэлсэн түүхч-зохиолч

Зүрхний хилэн”, “Аянга”, “Хөгжмийн эгшиг”, “Манан буданзэрэг түүхэн романуудаараа уншигчдыг байлдан дагуулсан хорьдугаар зууны монгол романч, “Монголын Александр Дюмахэмээгддэг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Жамбын Пүрэвийн ууган хүү П.Эрдэнэбат, отгон хүү П.Эрдэнэсүх нартай уулзаж аавынх нь тухай хууч хөөрөлдлөө.

Аавын тань тухай сайхан дурсамж хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Бичгийн их хүмүүн Жамбын Пүрэв гуай аль нутгийн хүн байлаа?

П.Эрдэнэсүх: -Бидний хайрт аав Ханхөгшин овогтой Жамбын Пүрэв 1919 онд одоогийн Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт Өргөнширэг хэмээх газар мэндэлсэн хүн. Аав маань өвөө дээрээ өссөн юм билээ. Өвөөгийнх нь сүүлд ярьснаар аав битүүний орой төрж, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болж золгоход хоёр нас хүрсэн сонин түүхтэй. Нүүдэлч удмын малчин Жамба гэдэг хүн бол өвөө нь. Аав тэр үеийнхээ заншлаар Өвөрхангайн Онгийн хийдэд шавилан, төвд ном үзсэн байдаг. Хийдэд шавилж байгаад тэнхимийн сурагч болсон гэдэг. Тэнхимээ төгсөөд арван долоон настайдаа эгч Солио даган Их хүрээнд орж ирсэн.

П.Эрдэнэбат:-Соль эгчийн нөхөр Лоохуузын хамсаатан гэж буруутгагдаж байсан, АИХ-ын депутатаар гурав, дөрвөн удаа сонгогдож байсан, Улсын төлөвлөгөөний комиссын нэгдүгээр орлогч дарга Амгаагийн Отгонбаяр гэдэг хүн. Архангай аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа САА-нуудыг Удирдах газрын дарга Ц.Лоохуузыг нутагтаа очиход чонын анд явж байхдаа буугаа зээлдүүлж буудуулсан хэргээр буруутгагдсан байдаг. Энэ Отгонбаяр ах, Соль эгч хоёрыг дагаж аав хотод орж ирээд Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикт гуталчин болсон юм билээ.

Аав чинь гуталчнаас ажлынхаа гарааг эхэлж байжээ?

-Удалгүй арван найман нас хүрч цэрэгт татагдаж, Офицерийн сургууль төгсөөд, курсийн ажил эрхэлж байгаад намын шугамаар алба хашиж эхэлсэн. Намын шинэ хүчний дээд сургууль төгсөөд Улаанбаатар хотын Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсын их сургууль төгссөнийхөө дараа сургуулийнхаа намын ажилтан болсон байдаг. Хожим Москва хотноо Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. Аав маань өндөр боловсрол эзэмшсэн офицер, нам төрийн зүтгэлтэн, түүхч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч сэхээтэн хүн байж дээ. Ажлын хувьд үргэлж өсөж дэвжин Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд, Сангийн аж ахуйнуудыг удирдах ерөнхий газрын дарга, МАХН-ын түүхийн институтийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хэвлэл утга зохиолыг хянах ерөнхий газрын дарга, нам засгийн “Үнэн” сонинд утга зохиолын ажилтан, Соёлын яамны дэргэдэх намын хорооны дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан хүн.

Уран бүтээлийн гараагаа яаж эхэлсэн байдаг бол?

-Аав нэг сонин түүх ярьдаг сан. Сэнгийн Эрдэнийн “Салхитын голынхон” тууж хэвлэгдэхэд аав шүүмж бичиж утга зохиолын ажлын гараагаа эхэлсэн гэдэг.

-“Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэгзэрэг алдарт романуудыг бичсэн Францын их зохиолч эцэг, хүү Дюма нар таван зуу гаруй роман бичсэн гэдэг. Аав чинь харин Монголын утга зохиолд роман, туужийн өвөөрөө нэлээд дээгүүрт орох байх шүү?

-Аав өнгөрөгч зууны тавиад оноос эхлэн хариуцлагатай албан тушаалуудыг хашихын зэрэгцээ гучаад роман, хорь гаруй тууж, хоёр зуу орчим өгүүллэг, найруулал, мөн дуурийн цомнол, жүжиг, киноны зохиол туурвисан. Аав маань туйлын хөдөлмөрч хүн байснаар нь бид бахархдаг. Монголын утга зохиолыг хөгжүүлсэн хувь нэмрийг нь мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид олонтаа бичсэн байдаг. Хувийн сахилга бат үнэхээр сайтай. Цаг зохицуулахдаа сайн. Өрх гэрийн тэргүүн хүнийхээ хувьд мундаг хүн байлаа. Эдгээрээс “Аянга”, “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хөгжмийн эгшиг”, “Гурван зангилаа”, “Хубилай хаан” зэрэг романуудаараа түүхийн баримтыг уран зохиолын аргаар дүрслэх явдалд бие даасан дэг сургуулийг бий болгосон гэж утга зохиолын судлаачид дүгнэн үнэлсэн байдаг. Өөрөө бие даасан түүхч хүн. Архивт их сууна. “Зүрхний хилэн” романыг нь Монголын утга зохиолын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж төрийн шагнал олгосон. Түүхийн сэдэвт бүтээлүүдийн зэрэгцээ шинэ цагийн амьдрал, үйл явцыг олон талаас нь харуулсан “Ундрах инженер”, “Аадар бороо” гэх мэт роман бичсэнийг уншигчид ихэд таашаадаг юм билээ. “Мянган захидал” романыхаа гол дүрийг бидний ээж, гэргий Дагвын Дулмаагийнхаа ажил амьдралаас сэдэвлэн багш хүний алдар гавьяаг дуурсгасан даа. АНУ-ын Блүүмонгтоны их сургуулийн монголч эрдэмтэн Хангины Гомбожав гуай аавын “Хөгжмийн эгшиг” романыг уншаад “Миний амьдралыг биччихсэн юм шиг ямар гайхамшигтай зохиол вэ” гэж хожим аавтай танилцаж, үй зайгүй найзалсан байдаг.

Та бүхний ээж ямар мэргэжилтэй хүн байв?

-Аав МУИС-ийн намын хорооны ажилтан байхдаа уран зохиолын ангийн оюутан Дагвын Тамара хэмээх охинтой танилцаж гэр бүл болсон нь бидний сайхан ээж байж. Ээж тэр үеийн заншлаар эх барьж авсан орос эмчийнхээ нэрээр нэрлэгдэж байгаад хожим Дулмаа хэмээн нэрээ сольсон түүхтэй. Өвөө маань Батмөнхийн Дагва гэж Дорноговь аймгийн Хар-Айраг сумын уугуул, намын хорооны дарга хүн байсан. Ээж маань монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжил эзэмшээд нийслэлийн тавдугаар дунд сургуульд хорин долоон жил багшилж байгаад тархинд нь цус харваж гэнэт нас барсан.

Нэрт зохиолчийнх маань хэдэн хүүхэдтэй айл билээ?

-Ууган хүү Эрдэнэбат. Эрхүүгийн Улс ардын дээд сургуулийг 1977 онд төгссөн эдийн засагч. Удаахь хүү Эрдэнэхүү ЗХУ-ын Киев хотноо барилгын инженерээр сурч байгаад Монголдоо ирж Политехникийн дээд сургууль дүүргэсэн. “Урлах эрдэм” дээд сургуулийг үндэслэн байгуулагч. Гутгаар хүү П.Эрдэнэбаяр Волгоградын мөрдөн байцаахын дээд сургууль төгсгөн, улсынхаа хууль-тагнуулын салбарт ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. Австрийн нийслэл Вена хотноо НҮБ-ын дотоод хяналтын албанд Монгол Улсаасаа шалгаран сонгогдож ажилласан төдийгүй Олон улсын улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байсан туршлагатай хуульч байна. Отгон хүү Эрдэнэсүх Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын их сургуульд 1985-1990 онд суралцаж төгссөн утга зохиолын судлаач-шүүмжлэгч мэргэжилтэй нэгэн дээ. Эрдэнэсүх Ж.Лхагва, С.Оюун, Д.Чинзориг, Ж.Сарантуяа, Д.Намсрай, М.Баттөмөр, О.Чинбаяр, Анандбазар нарын нэрт зохиолч, яруу найрагч, орчуулагчидтай нэгэн үед суралцаж төгссөн аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд ажиллаж байгаад Германы Бонн хотод монгол судлалын мэргэжлээр төгссөн дөө.

Жамбын Пүрэв гуай шиг хөдөлмөрч зохиолчийнх тухайн үеийнхээ нийгэмд тасархай, тансаг амьдралтай айл байв уу?

-Манай аав ээж хоёр хүний амьдралын материаллаг талыг дээдлэхээс илүү оюун санааны хөгжил, боловсрол, хүмүүжилд голлон анхаардаг хүмүүс байлаа. Хаана л шинэ үзэсгэлэн гарна, шинэ жүжиг тавигдана, тэр бүхнийг үр хүүхдүүддээ үзүүлж харуулна. Аав ээж хоёр хоёул их ажилсаг хүмүүс байсан. Аав өглөө эрт босоод зохиолоо л бичиж сууна. Бид үнэтэй хувцас өмсөөд, ганган машин унаж тансаглаж явсангүй. Гэхдээ биднийг хэнээс ч дутуугүй өсгөж, орох оронтой болгоно гэдэг чинь бас л хөрөнгө оруулалт хэрэгтэй байж таараа. Хамгийн гол нь бидний гадаад хэлний боловсролд их анхаардаг байсан.

Та дөрөв үр үндэс хэд болж мөчирлөв?

-Аав ээжийн хүү нь болсон бид дөрөв бүгд хүү, охин хоёр хүүхэдтэй айлууд. Хэрвээ тэр хоёр маань мэнд сэрүүн сэн бол найман ач, таван гучтай болоод байна даа.

Нууц биш бол нэрт зохиолчийн бэрүүд ямар хүмүүс байдаг бол?

-Эрдэнэбатын гэргий Б.Туул Москвад төгссөн гутлын зохион бүтээгч. Одоо ч мэргэжлээрээ ажиллаж байна. Удаахь бэр Г.Тунгалаг Ленинградын их сургууль төгссөн философийн эрдэмтэн. “Урлах эрдэм” дээд сургуулийг ханийн хамт үндэслэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаа. Гутгаар бэр А.Батцэнгэл Эрхүүгийн их сургууль дүүргэсэн орос хэлний багш-олон улсын орчуулагч мэргэжилтэй хүн байна. Дөрөв дэх бэр И.Оюун М.Горькийн утга зохиолын их сургуулийг ханьтайгаа хамт төгссөн орчуулагч хүн байна даа.

ЖАМБЫН ПҮРЭВИЙН ХЭВЛЭГДСЭН РОМАНЫ ЖАГСААЛТ

Романы нэр Зохиосон он Хуудасны тоо

1. Хөгжмийн эгшиг 1967 227 2. Аянга 1968 555

3. Гурван зангилаа 1971 583 4. Ундрах инженер 1975 315

5. Аадар бороо 1977 617

6. Мянган захидал 1980 647

7. Зүрхний хилэн 1983 996

8. Манан будан 1988 1050

9. Сэтгэлийн дуулал 1991 577

10. Сүмбэр хангай өршөөсөн заяа 1994 411

11. Алтан очирт титэм 1996 492

12. Гамшиг зовлон 1996 331 13. Бүргэд харьд үүрлэдэггүй 1998 279

14. Хөшөө чулууны захиас 1999 310 15. Чонын үүр 2001 261 16. Гэмшил ухаарал 2001 445

19. Буруу харсан хатиг 2001 160

17. Боржин цохио доргилоо 2002 413 18. Нууцалсан тайлан 2002 199

20. Хүн чулуу 2003 281

21. Хубилай хаан 2003 427

22. Ичих нүүргүй ертөнц 2003 246 23. Нүгэл нүглээ дагадаг 2003 255

24. Босоо ороолон 2004 258 25. Үхээрийн сүнс 2004 260

26. Мөхөлтэй өрсөлдсөн он жил 2005 265 27. Шуналын ян 2005 291

28. Их өргөөний голомт 2006

29. Үнэний эрэлд 2007

Categories
мэдээ цаг-үе

Шагдарын Энэрэл: Уянга дүүгийнхээ “Гандан уулын цэцэг” номыг төрсөн өдөрт нь зориулж эмхэтгэлээ

Монголын яруу найргийн мөнгөн үеийн түүчээлэгчид болох Жамьянгийн Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга хоёр ертөнцийн мөнх бусыг үзүүлээд олон жил болжээ. Яруу найрагч Ш.Уянгатай уран бүтээлийн харгуйд цөөхөн уулзаж учирсан ч шүлгээ өвөрмөц уншдаг дүр төрх нь, хаа явсан газраа хүн амьтныг инээлгэж баясгасан алиа хошин яриа нь сэтгэлээс гаралгүй хадагдаж үлджээ. Билэгт найрагчийн гэгээн дурсгалд зориулж

“Сайхан шүлэг уншихад нь бурхад хүртэл атаархана гэж

Санаа цайлган найрагчийг жаахан хэлгий төрүүлж дээ.

Сар тийш одоод Ли Байтай жүнз тулгаг гэж

Шар такси хөлслөн мөнхрөл зүг илгээж дээ” гэж нэгэнтээ бичиж байсан сан. Өнөө харин найрагчийн төрсөн эгч Шагдарын Энэрэлтэй уулзаж хөөрөлдөх хувь ерөөл байжээ.

-Таны дүү Шагдарын Уянга гэж Монголын утга зохиолын наяас ерээд оны томоохон төлөөлөгч байсныг олон түмэн андахгүй. Та бүхэн эцэг эхээс хэдүүл билээ?

-Бид эцэг эхээс дөрвүүлээ. Ганц охин болох би айлын ууган. Асрал, Аянга, Уянга гэж гурван сайхан дүүтэй байлаа. Манай аав Ринченгийн Шагдар маань Засагт хан аймгийн Ахай бэйсийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сумын Хар нүдэн хэмээх газар 1911 онд төрсөн орос, хятад, түвд хэлтэй мундаг боловсролтой хүн байсан. Хошууны бичээчээр ажиллаж байхдаа монгол бичгээр маш хурдан бичдэг учир Шуурай Шагдар хэмээн алдаршсан нэгэн байсныг нутгийн ахан дүүс хуучилдаг. Ээжээс маань хорь гаруй ах байсан гэдэг. Аав их алиа хошин зантай, элдэвт авьяастай, яруу найраг ч бас сонирхож явсан хүн байсан юм билээ. Эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайтай ойр дотно нөхөрлөж, Улсын төв номын санд нэг өрөөнд ажиллаж байсныг би бүүр түүр мэдэх юм. Цаг уурт ажиллаж байхдаа ажлын шугамаар Бээжин явдаг, ЗХУ-д ч сургууль соёлоо дээшлүүлдэг хүн байлаа. Аавын ах нар их том хамба лам нар байсан юм билээ. Хэлмэгдэлд бүгд өртсөн. Миний ээж Булган аймгийн Гурванбулаг суманд 1935 онд төрсөн Гомбожавын Дашжид гэж өглөг буян хийхийн одонд төрсөн хүн байлаа. Би 1958 онд төрсөн, хоёр ч аравдугаар анги төгсгөсөн хими-биологийн багш мэргэжилтэй хүн. Миний удаахь дүү Асрал 1959 онд, Аянга дүү 1962 онд Улаанбаатарт, харин отгон дүү Уянга 1966 онд Зуунмод хотод төрсөн байдаг.

-Дүү нар чинь ямар мэргэжлийн хүмүүс байв?

-Аав, ээж тэнгэрт одно гэдэг хорвоогийн жам юм гэж тайтгарч болох ч гурван дүү маань ид хийж бүтээх, айл гэрийн ноён нуруу болж аавын үүрэг хариуцлагаа үүрдэг дөч гарсан насандаа тэнгэрт хальцгаасанд харамсаж л явдаг. Уянга маань хойно төгссөн сансрын физикч мэргэжилтэй хүн. Асрал маань Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэсэн зураач. Аянга маань оёдлын машины засварчин мэргэжилтэй. 2002 онд Уянга дүүгийнхээ дурсгалд зориулж “Гандан уулын цэцэг” номыг хэвлүүлэхэд хоёр ах нь хамжиж дэмжээд хань ханиндаа сайхан л байж. Тэгтэл өнөөдөр бүгд бурхан болчихоод, муу эгч нь дүү нартаа буян болдог болов уу гэж Уянгынхаа уран бүтээлийг цуглуулж эмхэтгэн, зүтгэж явна даа. Асрал, Аянга хоёр маань Уянгаасаа ч дутахгүй цэцэн цэлмэг улс байсан. Асралаар хүмүүс байранд орох өргөдлөө бичүүлэх гэж овоордог байсан гээд бод доо.

-Уянга дүүгийнхээ ном бүтээлийг ботилох гэж олон сар хоног суув уу?

-Дүү маань дэндүү богинохон насалсан ч шүлэг, найраглал, дуурийн цомнол, дууны үг, хүүхдийн дуурь, ярилцлага нийтлэл, хөрөг, эсээ гээд утга зохиол, сэтгүүлзүйн чиглэлээр мөн ч их өв үлдээсэн уран бүтээлч байжээ. Би сүүлийн таван сар Үндэсний төв номын санд сууж, сонины шарласан хуудас эргүүлж шүүрдэн, бас ч багагүй зүйлийг нь цуглуулж хумьж авлаа. Сонин болгонд шахуу л Ш.Уянга, Ш.Асрал гэсэн нэр гарч ирэх бүрийд хоёр дүүтэйгээ амьд мэнд уулзаж байгаа юм шиг дотор сэтгэл бүлээцээд дотнохон санагдахыг яана. Сонин эргүүлээд “Уянга” гэсэн нэр гарч ирэх бүрт урам орж, улам нямбай хайдаг болчихдог юм билээ.

-Уянга найрагч багадаа ямар хүүхэд байв?

-Хичээл номын төлөө л төрсөн юм шиг хичээнгүй, цэвэр цэмцгэр хүүхэд байсан. Зургаан настай сургуульд орсон цагаасаа аравдугаар анги, дээд сургууль төгстөлөө онц гэсэн ганц дүнгээр л аав ээж, ах эгчээ баярлуулсан хүүхэд байж. Аав Төв аймгийн цаг уурын станцын даргаар ажиллаж байсан. Зуунмод хотын хойд талаас л хичээлдээ явна. Манай Уянга чинь аавыг тэнд ажиллаж байхад Номтын аманд төрсөн бол бэр Хулан маань Зурамтын ам гэдэг газар төрсөн байдаг.

-Бэр гэснээс Уянга ах Хулан найрагчаас өмнө гэргий хүүхэдтэй байсан гэдэг бил үү?

-Манай дүү чинь аравдугаар ангийнхаа Батгэрэл гэж сайхан охинтой үерхэж, Уянга Москвад оюутан болж, найз охин нь Тимирязевын академид явж байсан. Сурлага сайтай сайхан охин байсан. Ёстой л хэн хэндээ хувь заяаны төөргөөр учирсан гэмээр хосууд байлаа. У.Золбоо, У.Золзаяа гэсэн хүү, охин хоёр сайхан үртэй. Би талийгаач бэрийнхээ аав ээж, ах дүүстэй одоо ч уулзахаас зүрх халширдаг юм ш дээ. “Уянга сайн хүн шүү” гэж шаналсаар бурхан болсон тийм л гайхмаар ухаалаг бүсгүй байсан даа. Хулантай суугаад Дөрвөн-Уул гээд сайхан хүү төрүүлсэн. Одоо Равдан гээд нэрээ сольсон байна лээ. Би муу дүүдээ дандаа буруу өгөөд байдаггүй ээ. Яахав, Монголын сайхан хүүхнүүдтэй л суугаа биз гэж хааяа бодно.

-Хулан найрагч болоод Дөрвөн-Уул дүүтэйгээ уулзаж байна уу?

-Байнга биш ч хааяа уулздаг юм аа. 2011 онд манай ууган охин А.Саруулыг айлын хүн болоход Хулан маань хүүтэйгээ ирж бэргэндсэн. Утас шөрмөсөөр ярьж намайг хүндэлж явдагт баярладаг.

-Дүүгийнхээ уран бүтээлийг эмхэтгэнэ гэдэг мөн ч том буян шүү?

-Анхны номыг нь Үндэсний түүхийн музейн захирлаар ажиллаж байгаа найз Сүхбаатар нь санаачлан хамаг л гар бичмэлийг нь цуглуулан гаргалцсанд баярладаг. Сүхээ Уянгыг нас барахад Москва явж байгаад мэдэлгүй өнгөрсөндөө маш их харамсаж, номыг нь хэвлүүлж байлаа. Би ч хамаг л бүтээл нь хэвлэгдчихлээ гэж бодож явсан. Тэгээд ээжийн оронд ээж болсон, аавын төрсөн ахын охин, агуу их Жамцын Бадраагийн гэргий Бадарч эгчдээ “Найз нөхдийг нь цуглуулж цайлъя” гэтэл “Номыг нь гарга” гэж зөвлөлөө. Манай Бадарч эгч чинь Бадрууганы ээж, “Дутуу төрөлтийн аврал” гэдэг алдартай их эмч хүн шүү дээ. Өнгөрөгч оны зун, зургадугаар сарын тавны өглөө цайныхаа дээжийг өргөхдөө хэдэн муусайн дүүгээ л бодож зогслоо. Цайныхаа дээжийг өргөж орж ирээд өвгөндөө “Энэ жил Уянгын тавин насны ой болох юм байна. Нөгөө хоёрыг нь ч олон түмэн тэгтлээ нэг их мэдэх юм биш. Уянгадаа л буян хийх юм сан” гэж хоёул ярилцсан. Есдүгээр сарын эхээр Аажаа (Бадарч эгч) дээр очиж ярилцсан юм. Тэгээд Хуландаа, Лодонгийн Түдэв гуайд, Сүхээдээ, анхны номын ерөнхий редактор, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, яруу найрагч Даваасүрэнгийн Чинзориг нарт хандсан. Бичиг номын энэ их хүмүүс “Уянгын номыг гаргах гэсэн юм” гэхэд бүгд л нүд нь сэргэж уриалгахан хүлээж авсанд нисэх жигүүртэй болсон юм шиг л хөөрч явсаар “Гандан уулын цэцэг-2” хэмээх таван зуу гаруй хуудастай энэ сайхан номон хөшөөг нь босгож авлаа.

-Номын баярыг хэзээ хийхээр товлов?

-Номоо “Мөнхийн үсэг” группт чанарын өндөр түвшинд гурван хүүхдүүдийнхээ буянаар өнгө үзэмж сайтай хэвлүүллээ. Өвгөн бид хоёрын төрсөн шахуу хуурай охин “Меру” компанийн ерөнхий захирал Гантогтох маань сэтгэл гаргаж их тусаллаа. Дүүгийнхээ “Гандан уулын цэцэг” номын баярыг энэ хоёрдугаар сарын 24-нд буюу төрсөн өдрийнх нь морин цагт “Аз хур” номын их дэлгүүрт хийхээр товлосон. Уянгынхаа ойр дотно номын садангуудад, гурван сайхан үрд нь урилга заллагаа хүргүүлсэн. Бүгд хүрэлцэн ирэх байх аа.

Яруу найрагч Шагдарын Уянга

Булуу овогт Шагдарын Уянга гал морин жилийн буюу 1966 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр төв аймгийн Зуунмод сумын нутаг Богд хан уулын өвөр “Номтын ам” хэмээх газар албан хаагчийн гэр бүлд мэндэлжээ. Тэрээр 1973-1983 онд нийслэлийн арван жилийн 31, 50, 52 дугаар дунд сургуулийг төгсөж, 1983-1984 онд МУИС-ийн Физик, математикийн факультетийн физикийн анги, 1984-1988 онд ЗХУ-ын Москва хотын геодези-агаарын зураглал, зураг зүйн дээд сургуулийн аэрофото геодезийн инженерийн ангийг “геодезийн инженер” мэргэжлээр дүүргэсэн физикийн мэргэжилтэй нэгэн юм. Ш.Уянга 1988 оноос “Улаанбаатарын мэдээ” сонины сурвалжлагч, Политехникийн дээд сургуулийн геодези, уул уурхайн факультетийн багш, Улсын геодези, зураг зүйн газарт эрдэм шинжилгээний ажилтан, “Шинжээч” хоршоонд эрдэм шинжилгээний ажилтан, “Үнэн”, “Бодлын солбицол” сонинд хариуцлагатай редактор, УИХ-ын гишүүн Зуунайгийн туслах, “Капитал”, “Монгол тамга”, “Тайлбар бичиг” сонины санаачлагч, ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан нэртэй сэхээтэн юм.

Ш.Уянга 16 наснаасаа шүлэг найраг сонирхон оролдож, 1986 онд “Утга зохиол урлаг” сонинд Сергей Есениний “Хар хүн” найраглалын дуун хөрвүүлэг, Лермонтовын “Оргуул”, а.Блокийн “арван хоёр” найраглал, М.Булгаковын өгүүллэгүүдийг орчуулж, 1987 онд анхны шүлгүүдээ хэвлүүлжээ. Түүний бүтээл Монголын уран зохиолын дээжис шилдэг 108 ботид хэвлэгдэж, “Барьцаа” (1988) драмын жүжиг, “галын амь” (1991) дуурь, төрийн шагналт ц.Чинзоригийн хөгжим “Зуурдын орон” (1999) модерн балет, төрийн шагналт Б.Шаравын хөгжим “Сэрүүн намар” (1999) рок-балетын цомнолыг туурвисан төдийгүй “Чойном хаа байна” уран сайхны киноны гол дүрд 2000 онд тогложээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Догмидын Сосорбарам: Үгийн сайхан шид, урлагийн гайхам увдисаар миний Монгол мандан бадрах нь гарцаагүй

Монгол Улсын гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Догмидын Сосорбарамтай уулзаж хөөрөлдлөө.

-Та сар шинэдээ сайхан шинэлэв үү. Шинэлгээний үзүүр хаа хүрэв дээ?

-Сайхан шинэллээ. Хөдөө явсангүй. Улаанбаатар хотоо тойроод л, ээж, ах дүүстэйгээ золголоо. Ээж маань далан зургаатай хөгшин хотод аж төрж байна. Ная хүрч байгаа аав маань Баянхонгорт байна. Миний үеэл ах, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэв гэж хүн бий. Монголын зохиолчдын эвлэлийн даргаар олон жил ажилласан энэ ахтайгаа ээжтэй золгосны дараа очиж золгоно. Миний эмэг ээж Цэдэв ахын ээжийн эгч юм.

-Таны төрөлх нутаг Баян-Овоо сумаас Цэдэв гуай, Данзангийн Нямаа гээд үгийн урлагийнхан төрсөн. Та ч бас шүлэг бичдэг хүн дээ?

-Би ч тэдний дэргэд зохиолч, шүлэгч гэж хэлж болохгүй л дээ. Миний хувьд зүгээр л сонирхогч. Тайзны уран бүтээлийн зохиомж, жүжгийн найруулгын эрэмбэ дараалал, цэгц голдрилыг өөрөө бичдэг л хүн.

-Монгол үндэстнийхээ язгуур урлагийн хамтлагуудын нэгдсэн тоглолтыг та энэ жил мөн ч сайхан дэглэв ээ?

-Үндэсний урлагийн хамтлагуудын этник тоглолтыг анх 2012 онд зохион байгуулсан. Тав дахь жилдээ тоглож байна. Авьяас чадвар, мэддэг бүхнээрээ нэгдэж чадваас Монгол шиг хүчтэй, Монгол шиг цолгиун, Монгол шиг дэврүүн, ариун гэгээн бодолтой хүмүүн ертөнцөд ховор юм аа л гэж бодож анх энэ тоглолтыг санаачилж хийсэн. Энэ санаачилгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын тэр үеийн дарга Д.Баттулгад өргөн бариад, Ерөнхийлөгчид уламжилсан. Ерөнхийлөгч “Миний үед монгол үндэсний урлаг, хэл, соёлоо дээдлэхийн дээдээр дээдлэх учиртай” гээд ивээлдээ авсан түүхтэй. Этник хамтлагуудын энэ жилийн тоглолт урагшаа их ахисан. Миний хувийн үнэлгээнээс гадна миний япон анд, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимүзи “Танай үндэсний урлаг алхам алхмаар урагшилж байгаа” гэж утсаар ч хэлсэн, уулзаад ч илэрхийлсэн.

Энэ бол өндөр үнэлгээ. Эхний тоглолт “Монгол”, дараагийнх нь “Монгол Төгсөшгүй”, удаахь нь “Монгол Мөхөшгүй”, тэгээд “Монгол Мохошгүй” гэсэн нэртэй. Энэ жил “Тэнгэр тамгатай Монгол” нэртэй байлаа. Ирэх жил “Өрнөн бадрах Монгол” нэртэй тоглолт хийнэ. Үгийн сайхан шид, урлагийн гайхам увдисаар миний Монгол өөдөө мандан бадрах нь гарцаагүй. Би “Үг шидтэй, хөдөлгөөн увдистай” гэдэгт итгэдэг.

-Ай, сайхан даа…

-Энэ нэр бол тоглолтод орж буй бүх бүтээлтэй бодол, сэдэл, миний найруулгын дэгтэй салшгүй уялдаа холбоотой. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дэлхийд нэртэй эрдэмтэн Сэндэнжавын Дуламын цомнол “Хаданд амилсан тамга”, “Хурмастын уялга” хэмээх хоёр том бүжиг тоглолтод орлоо. “Хаданд амилсан тамга” бүжгийг С.Лувсанвандангийн нэрэмжит Гоо зүйн дээд шагналт бүжиг дэглээч Энхгэрэл найруулж, “Хурмастын уялга”-ыг манай Баярбаатар дэглэсэн. Энэ хоёр маань миний бодол сэдлийг харцаар мэдэрдэг найруулагч-бүжиг дэглээчид. Дулам ах цомнолыг бичихдээ монголчуудын өнө эртний байгаль дэлхийтэйгээ харьцдаг хаялга хандлагыг голчилж, тэнгэрийн увдисыг мэдэрдэг мэдрэмжийг хадан дээр тамга болгон сийлж үлдээсэн байна гэх өргөн агуулгыг багтаасан. Хадан дээр сийлсэн тамга бүхнийг татаад уншихаар асар их өрнүүн гэгээлэг мэдрэмжүүд төрдөг юм байна. Хүмүүний араншин, энэ дэлхий дээр хүмүүн яаж хөгжиж аж төрдөг юм бэ гэдгийг хадан дээр сийлсэн байна гэж Дулам зохиолч тайлсан байгаа юм. Тэр тайлсан оньсогыг хөдөлгөөний увдисаар, авьяасын цар хүрээгээр дэглэн тавьсан нь энэ хоёр бүтээл.

-Тоглолтод өөр ямар бүтээл багтав?

-Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” бүтээл том орон зай эзэлж байгаа. “Үлэмжийн чанар” бол жирийн нэг дуу биш. Энэ бол шидэт тарни, шившлэгт уншлага, мэдрэхүйн хамгийн дээд цар хүрээ, гоо сайхны хамгийн дээд цар хүрээ Цагаан дара эх юм байна. Цагаан дара эхийг дуунаас гадна галбир төрхөөр яаж амилуулах вэ гэж нэлээд зоримог алхмыг хийсэн. Улам цааш нь бяджуулж, бодижуулж Хутагтын дээд оюун сэтгэлгээнд хэрхэн хүргэх гэж ажиллаж байгаа. Эл тоглолтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Корпрэйт конвейншн” театр, Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар хамтран дэмжиж толилууллаа. Олон хүний зөв чиг рүү харсан хараа нэгдсэн учраас хоёр цаг 45 минут үргэлжлэх маш сайн бүтээл болсон. Монголд АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалт энэ жил болно.

-Гадаадын зочид төлөөлөгчдөд энэ тоглолтоо толилуулах юм уу?

-Тэр олон орны өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд “Тэнгэр тамгатай Монгол” бүтээлийг гурав, дөрвөн хэсэгт хуваагаад толилуулахад давтагдахгүй, мартагдахгүй тоглолт болсон. Тийм учраас УИХ-ын дарга З.Энхболд урилгаар ирж үздэг орой “АСЕМ-д үзүүлэх бүтээл чинь бэлэн шүү” гэж ам бардам хэлсэн.

-Анх эхэлж зохиогдож байснаасаа хамтлаг, дуучдын хүрээ аль хэр нэмэгдэв?

-Анх таван хамтлагийн тоглолтоор эхлүүлсэн. Долоо, ес гэж өсгөөд буцаад тоог буулгая гэж бодож байсан чинь улам л нэмэгдлээ. Хөгжим бүжгийн сургуулийн төгсөх курсийн “Вива” хамтлагийн бүжигч охид, Германаас авьяаслаг монгол залуучуудаас бүрдсэн “Сида” хамтлаг ирж оролцсон. “Сида” гэдэг нь монголоор дуу хоолой гэсэн үг юм байна. Энэ хамтлагийн гишүүн иран гаралтай герман залуу их содон байсан. Манай “Домог”, “Хөсөгтөн”, “Их Монгол”, “Тэнгэр аялгуу” хамтлагууд уран бүтээлээ толилуулсан. Манай Баянхонгорын гурван сайхан уртын дууч гишүүнтэй “Язгуур” хамтлаг ч сайхан тоглосон. Уртын дуунуудын сэдэл энэ тоглолтод гайхалтай илэрч гарч ирсэн. Боржигон аялгаар дуулсан Дундговийн Мөнхжаргал гэж охины дуу гайхалтай сайхан болсон. “Хэрлэнгийн баръяа”-г эрэгтэй, эмэгтэй дөрвөл дууллаа. Уртын дуунд боржигоноос гадна Баянбараат, айзам, айдам гээд зөндөө аялга байдаг юм байна. “Язгуур” хамтлагийн дуулсан “Цомбон туурайтай хүрэн” дууг зориуд хаднаас хаданд цуурайлж байгаа мэт шижмээр дамжуулж найруулга хийсэн.

-Тоглолтын хамгийн шилдэг бүтээл нь юу байв?

-Хамтлагууд бүгд л шедеевэр байсан. “Домог” хамтлаг хөгжмийн зохиолчийн шинэ бүтээлүүд тоглосон. Хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр, Төвшинтөр нарын бүтээлүүд гайхалтай. “Их Монгол” хамтлагийн залуучууд “Аргадал”, “Сэтгэмж” гэсэн хоёр шинэ бүтээлээ тоглолоо. “Хөсөгтөн” хамтлагийн “Таван Тэсийн магтаал” гэдэг Азийн авьяастнуудын наадамд гайхуулсан бүтээлийг нь оруулсан. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Соронзонболдын судалгааны бүтээлд гардаг Хүннүгийн цуур, Юань гүрний хаан Хубилайгийн үед тоглодог байсан босоо ятга, Өлзийт хааны үед морин дээр тоглодог байсан босоо ятга зэрэг хөгжмийн зэмсгүүдийг шинэчилж “Хурмастын уялга” бүжгийн аялгууг тоглуулсан. “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Ариунболд маань хөөмийн нэг ангит концертыг тоглолоо. “Хавар” хэмээх хөөмийн энэ концертыг ноён Баабар маш ихэд таалан биширсэн. Хүмүүсийн бишрэлийг төрүүлсэн олон бүтээл орсноороо онцлогтой. Германд гэрээгээр ажиллаж байгаа Шинэцэцэгийн дэглэсэн бүжиг сайн болсон. Би энэ тоглолтод оюутнуудыг чөлөөтэй оруулсан. Зарим хүн “Оюутнууд их орууллаа” гэж л байна лээ. Тэд маань Монголын урлагийн ирээдүй шүү дээ. Адарсүрэнэрхүү хоолойтой, магадгүй сайн ажиллаад өөрийгөө хөгжүүлбэл Адарсүрэнгээс ч тослог дуугарахаар Сайнтөмөр гэж залуу гарч ирсэн. СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Манай сургуулийн нэрийг мандуулж өглөө” гэж утсаар ярьж байна лээ. “Өвгөн, шувуу хоёр”-ыг арван хоёр дуучин дууллаа. Тайзнаа дэлгэцэн дээр уртын дуунуудыг монгол бичгээрээ урсган толилууллаа. Уртын дууны аялгуунаас илүү яруу найраг нь яндашгүй баян юм аа. Ардын дууны яруу найраг шиг шүлэг найраг өнөөдөр Монголд байна уу, үгүй юу. Яруу найргийн үгийг нь хараад зогсохгүй уртын дууны юу нь агшиж, эгшиж, юу нь огшиж, мэгшиж байна вэ гэдэг угшлыг гаргахыг л зорьсон.

-Ардын урлагийн юу нь гайхамшигтай байна вэ?

-Би урлаг судлаач Жамцын Бадраа гуайгаар их бахархдаг юм. Тэр хүнд хэцүү нийгэмд Монгол ардын урлагаа авч үлдэх гэж ямар сүрхий тэмцэж байваа гэж. Үнэхээр Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй хүн байсан. Намын төв хорооны хурал болж байх үед “Цагаан сараа хүртэл бид тэмдэглэх ч эрхгүй боллоо. Монголын дээдэлж хүндлүүштэй ганц нандин баяраа буруу номд алдсан” гэж шууд хэлж байсныг би сайн санадаг юм. Ардын урлагаа тэр үед өмгөөлж хамгаалж авч үлдсэн хүн бол Бадраа гуай. Хөөмий, цуур, уртын дуу, ардын урлаг чинь үнэ цэнтэй юм шүү гэдгийг Бадраа гуай л монголчуудад ойлгуулсан. Энэ бүхнийг дэлхийн хэмжээнд хөгжүүлэх ёстой юм байна гэж би бодож зүтгэж яваа хүн. Энэ жил Бадраа гуайн мэндэлсний 90, бүжиг дэглээч Сэвжид гуайн 100 жилийн ой юм байна лээ.

-Хөөмийлж, цуурдахыг сонссон зарим хүмүүс, тэр дундаа урлагийн зарим зүтгэлтнүүд “Үхэр мал мөөрч байгаа юм шиг балар эртний балай юм. Дэлхийд монголчуудын бүдүүлгийг л гайхуулж байгаа зүйл” гэхийг сонсч л байлаа. Та тэдний үзэл бодолтой санал нийлэх үү?

-Би тэдэнд “Хамгийн бүдүүлгээрээ битгий гайхуул” л гэж хэлнэ. Хамгийн бүдүүлэг араншин бол тэр. Аав, ээжийгээ “Миний аав, ээж биш” гэж байгаатай адилхан. Ийм бүдүүлэг амьтадтай үг солихын ч хэрэггүй. Саяхан гавьяат авсан нэг нөхөр бас тиймэрхүү юм ярьж л байсан. Хэрвээ ардын урлагаа эрт балрын юм гээд жигшээд байгаа бол “Энэ газар шороо хуучны юм” гээд гишгэхээ больчихгүй юу. Ийм бүдүүлэг араншинтай амьтадтай би яавч эвлэрэхгүй. Удах тусмаа үнэ цэнтэй болдог зүйлийг мөнхөд шинэ гэж үздэг. Арвангуравдугаар зууны үеийн “Эртний сайхан” дууны үг удах тусмаа л улам үнэ цэнтэй гайхамшигтай сонсогдож байгаа биз дээ.

-Та бол их яруу найрагч Р.Чойномын нэрэмжит “Од” ганц хүний театрын уран бүтээлч. Энэ жил Чойном гуайн наян насны ой тохиож байна. Хувь уран бүтээл юу туурвиж, олондоо толилуулах гэж байна?

-Ардын үндэсний урлаг маань зөвхөн Монголд биш дэлхийн урлагийн зах зээлд гараад явчихлаа. Япон улсын хорин хоёр том хотод тоглолт хийх гэрээг Японд Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайд Содовжамцын Хүрэлбаатарын багийнхан, Осака хотноо суугаа Монголын Ерөнхий консул Ч.Куландагийн багийнхан маань хийсэн. Бүх төлөвлөгөө нь батлагдсан. Хувийн уран бүтээл гэвэл ирэх гуравдугаар сард “Миний шүтээн” гэж Чойном найрагчийнхаа найраглалаар нэрлэсэн томоохон тоглолтоо маш бага орон зайд өөрийнхөө “Ард” кинотеатрт толилуулна. Чойномын хаа ч хэвлэгдээгүй гар бичмэл шүлгээс энд уншина. Энэ шүлгүүдийг их найрагчийн “Жаргал зовлон” найраглалтай нийлүүлэн “Эрх чөлөө” цомог гаргахад бэлэн болсон. Мөн өөрийнхөө шүлгүүдээс бүтсэн “Жамаас” дуу, найргийн цомог удахгүй гаргах гэж байна. Жараад оны дуунуудаас бүтсэн цомгоо гаргана. Бичлэгийн ажлууд хийгдэж байгаа. “Үлэмжийн чанар” цомог дээрээ бас ажиллаж байна.

-Ойрдоо Хонгор нутгаа зорих уу?

-Дөрөвдүгээр сард явна. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ширмэний урилгаар нутгийнхаа зон олонтой золгож, сэнхрүүлэг сэхээрлийн яриа хөөрөө хийх юм.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Пүрэвжаргал: Парисаас алтан цом авчирсан үзүүлбэр маань дэлхийн циркчдийн дээд амжилтыг эвдсэн

Франц улсын нийслэл Парис хотноо болсон “Месси” олон улсын циркийн 24 дүгээр наадмаас монгол циркчид алтан цом хүртсэн билээ. Нэр хүндтэй тэмцээний тэргүүн шагнал авсан Монголын үндэсний циркийн харьяа “Puje and guys troupe” хамтлагийн жүжигчид өчигдөр эх орондоо ирсэн юм. Тус хамтлагийн ахлагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэсэндагвын Пүрэвжаргалтай уулзаж ярилцлаа.

-Олон улсын циркийн наадмаас алтан цом хүртэн эх орондоо ирсэнд баяр хүргэе. Ямар тэмцээнд оролцоод ирэв?

-Парис хотноо энэ сарын 21-24-ний өдрүүдэд болсон “Massy” олон улсын циркчдийн тэмцээн энэ жил хорин дөрөв дэх удаагаа зохиогдож, Монголын циркчид анх удаагаа очиж амжилттай оролцон алтан цомыг нь авчирсандаа маш их баяртай байна. Манай “Puje and guys troupe” хамтлагийнхан энэ том фестивальд дээсээр наадагчид, шидэлттэй акробат гэсэн хоёр төрлөөр оролцсон. Сая манай хамтлагийнхан хэвтээ дөрвөн үе, босоо таван үеийн үзүүлбэрээрээ дэлхийн дээд амжилтыг эвдээд ирлээ.

-Түрүүнд нь тийм үзүүлбэрийг олон улсын циркчид ерөөсөө хийж байгаагүй гэсэн үг үү?

-Хийж байгаагүй.

-Дэлхийн циркийн байгууллага та нарын энэ амжилтыг бүртгэж аваа байлгүй дээ?

-Энэ фестивалийн хүрээнд 23 жилийн бүх шилдэг үзүүлбэрээр сонин сэтгүүл гаргаж, бичлэгийг нь цомогт бичээд зарж байдаг юм билээ. Бидний уран бүтээлийг ч бас бүртгэж авсан.

-Танай хамтлаг хэдэн гишүүнтэй билээ?

-Манай хамтлаг арваннэгэн гишүүнтэй. Анх 2001 онд байгуулагдаж арвантав дахь жилдээ уран бүтээлээ хийж явна. Бид насны хувьд 17-38 насны улс. Хамтлагийн гишүүн Цогбаярын Баяраа, Ганбатын Энхболд, Чимэдсүхийн Билгүүнхангал, Бямба-Очирын Номин-Эрдэнэ, Ганбатын Мөнхбат, Санжаагийн Ганбат, Шинэбаярын Мягмардорж, Даваасамбуугийн Эрдэнэдагва, Алтанцоожийн Жаргалсайхан нартайгаа гар сэтгэл нийлж ажилладагтаа үнэхээр бахархдаг юм.

-Шидэлттэй акробат ч харахаас л хэцүү төрөл шүү. Хүмүүсээ хэдэн жил бэлтгэх вэ?

-Шидэлттэй акробатыг доод тал нь дөрвөөс таван жил уйгагүй хичээллэж бэлтгэж байж өөрийн гэсэн дөртэй болдог урлаг. Гэмтэл бэртэл авах магадлал өндөр, хурд, биеийн хүч шаардсан төрөл.

-Таны хувьд цирктэй хэдэн насандаа хувь заяагаа холбов?

-Би арвангурван настай, З5 дугаар сургуулийн сурагч байхдаа 1990 онд анх Улсын циркийн алиалагчийн дугуйланд орж, дагалдан жүжигчнээр ажиллаж эхэлсэн хүн. Улсын цирк 2006 онд хувьчлагдаж Монголын үндэсний цирк болсноос хойш одоо хүртэл акробатчинаар ажиллаж байна.

-Цээеэ, Латиф нарын алдартай алиалагчидтай хамтран үзүүлбэр хийж байв уу?

-Цирк гэдэг олон урлагийн нийлэг урлаг. Бидний хувьд акробатаар түлхүү хичээллэж байсан. Гэхдээ Батсүх, Энхээ нарын алдартай алиалагч нартай бүгдтэй нь үзүүлбэрт хамт гарч байсан. Миний хувьд жонглёр, дээсээр наадагч, шидэх банзнаас үсрэгч, акробат, агаарын үзүүлбэрүүд үзүүлдэг байсан. Одоо бол шавь нартайгаа хамтран тоглож, бас мэддэг чаддаг бүхнээ хүүхэд залуустаа зааж өгөөд явж байна.

-Танай хамтлаг олон улсын тэмцээнд хэдэн удаа оролцож байв?

-Байгуулагдсанаасаа хойш олон улсын тэмцээнд оролцох урилга, гэрээ хэлцэл олонтаа ирж байсан боловч яагаад ч юм бэ, хамтлагийн гишүүдийн хэн нэгнийх нь гар хугарах ч юм уу, хөлдөө бэртэл авах зэргээр бэрхшээл гарч оролцож чаддаггүй байсан. 2012 онд Монголын циркчдийн их наадамд бид дээсээр наадагч үзүүлбэрээрээ тэргүүн байр эзэлж байсан.

-Шүүгчид хаанахын хүмүүс байв?

-Францын хоёр иргэн, Герман, Испанийн нэг нэг шүүгч, Монголын циркийн хөгжлийн төвийн тэргүүн Н.Эрдэнэ нарын таван хүний бүрэлдэхүүнтэй байсан.

-Аливаа нэг тэмцээнд шүүгчид гол нөлөөтэй байдаг. Эрдэнэ шүүгчийн лообий ороо болов уу?

-Тийм юм байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл олон улсын тэр нэр хүндтэй тэмцээнд муу үзүүлбэр толилуулбал өөрсдөө онигоо болно биз дээ. Дээр нь улс орныхоо нэр хүндийг баллана.

-Алтан цомыг мөнгөн шагнал дагалдах юм уу?

-Ямар ч мөнгө төгрөг дагалддаггүй цэвэр нэр төрийн шагнал юм билээ. Цирк чинь өөрөө эрсдэлтэй эр зоригийн урлаг болохоор авьяас чадвараа л үнэлүүлж байвал сэтгэл ханахаас мөнгө төгрөгийн төлөө үхэлдээд байх нь сонин биш гэж боддог доо.

-Хэн нэг нь асуудалтай байсан ч тоглолтоо үргэлжлүүлж болдоггүй юм уу?

-Түрүүн би хэлсэн дээ. Акробат гэдэг дөрөв, таван жил уйгагүй хичээллэж байж зүгширдэг төрөл гэж. Дээр нь бэртэл гэмтэл авах маш их эрсдэлтэй. Үзэгчдийн нүдний өмнө инээмсэглээд юу ч болоогүй юм шиг царайлдгаас биш сэтгэл зүйн хувьд ч бас л их тэсвэр тэвчээр шаарддаг төрөл л дөө. Бүжгийн хамтлаг байлаа гэхэд аль нэг гишүүн нь оролцохгүй байлаа ч хөдөлгөөний эвслээ тааруулаад тайзнаа үзүүлбэрээ үргэлжлүүлээд явчихаж болдог. Харин бидний хэн нэг нь л байхгүй бол хүн дутаад үзүүлбэрээ зогсоохоос аргагүйд хүрдэг.

-Саяын тэмцээнд хэдэн орны жүжигчид оролцов?

-Арван хоёр орны дал наяад жүжигчин циркийн бүхий л төрлөөр оролцсон. Акробатын төрлөөр Хойд Солонгос, Швейцарь, Испани, манай хамтлаг өрсөлдсөн.

-Өмнө нь гадаадын улс орнуудад тоглолтоо толилуулж байв уу?

-Олон улсын тэмцээнд оролцохоос өмнө Германы их нэр хүндтэй “Fliv flac” циркийн урилгаар тоглолттой байж байгаад эх орондоо ирж, визээ даруулж аваад буцаж Франц руу ниссэн. Энэ циркт “Монте Карло” зэрэг олон улсын циркийн нэр хүндтэй наадмын шагналтнууд урилгаар очиж үзүүлбэрээ толилуулдаг юм билээ. Бидний хувьд үндсэндээ арвандөрөвхөн хоног бэлтгэл хийгээд тэмцээнд оролцсон.

-Ойрын үед гадаадад тоглолттой юу?

-Гадаадын хэд хэдэн циркээс гэрээ хийх санал ирсэн. Бид энэ оны дөрөвдүгээр сард Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад болох “Хаврын баяр” олон улсын урлагийн их наадамд оролцох учраас гэрээний саналуудыг одоогоор хүлээж аваагүй.

-Та гэр бүлээ танилцуулаач!

-Гэргийг маань Л.Ариунцэцэг гэдэг. Бас л циркчин, агаарын гимнастикч, соёлын тэргүүний ажилтан цолтой жүжигчин хүн байна. Ууган хүү Эрдэнэсайхан маань 16-тай. Урлагийн гэр бүлд өссөн болохоор ч тэр юм уу морин хуураар хичээллэж байгаа. Дунд охин Энхжин естэй. Бага нь ойтой Энх-Амар гэж энэ нөхөр байна даа.

-Мэргэжлийн циркчний хувьд гадныхнаас анзаарсан сонин сайхан зүйл их байгаа байлгүй?

-Энэ тэмцээнд улс улсын чансаа сайтай хамтлаг жүжигчид оролцдог юм байна. Олон улсын циркчдийн сүүлийн үеийн хандлагыг ажихад өөрсдөө амьд хөгжимтэй дуулж бүжиглээ л, агаарын хүнд бэрх үзүүлбэрүүдээ толилуулаад, бүхий л авьяас чадвараа шавхаж харуулдаг болчихсон юм байна. Яагаад ийм мундаг байна гээд анзаараад үзэхээр шинэ номерыг санаачилдаг найруулагч, дууны найруулгыг хийдэг өндөр чадвартай хөгжмийн мэргэжилтэн, хувцасны загвар хариуцдаг тусдаа баг байна. Тэгэхэд манай циркчдийн хувьд зөвхөн бор зүрхээрээ номерын ахлагч л бүхнийг хариуцан өөрөө найруулагч, жүжигчин, менежер болж байна шүү дээ.

-“Massy”-гийн тэмцээн ямар зэрэглэлд ордог тэмцээн бол?

-“Монте Карло” бол циркчдийн А зэрэглэлийн тэмцээн шүү дээ. Энэ фестиваль Францад “Монте Карло”-гийн тэмцээний дараа ордог нэр хүндтэй тэмцээн юм билээ.

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан

“ЗӨӨЛӨН ЗӨӨЛӨН ЗАМБУУЛИН”, “ҮНЭНИЙ ХОРВОО”, “БӨХӨН ШАРЫН НУРУУ”-Г АМИЛУУЛСАН ХӨГЖМИЙН АНГИЙНХАН

Монголын соёл урлагийн түүхэнд хожмын өдөр алтан үсгээр бичигдэх тэнгэр заяатай нэгэн ангийнхны түүхийг уншигчдадаа хүргэх болсондоо талархалтай санагдана. Амьдрал аялгуу эгшгийн сайханд гэрэлтэж, алаг хорвоогийн баяр гуниг төгөлдөр хуурын хар цагаан даруул шиг уярал баярын өнгөөр тодорном. Ерээд оны эхээр хөдөөнөөс голдуу ирсэн гүзээлзгэнэ шиг улаахан хацартай охид хөвүүд өнөөдөр Монголын хөгжмийн урлагийн гэрэлт дэнлүүд болон бадамлажээ. Ямархан сайхан хувь заяагаар тэд нэгэн ангид тохой нийлүүлэн сууцгааж, басхүү биесээ хөглөн амьдрах одонд төрцгөөгөө вэ. Эд бол Багшийн сургуулийн 1990-1994 оны төгсөлтийнхөн юм аа. Тэд анх нэгдүгээр дамжаанд орохдоо гучин зургуулаа байлаа. Одоогоор ангийнхнаа алдар хүнд, авьяас билгээрээ түүчээлж яваа нэгэн бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, нийтийн дууны нэрт аялгуу туурвилч хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од юм. Энэ эрхэм хүмүүнтэй өнгөрөгч намар төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзоригийн жаран насны ойгоор Булган аймагт очихдоо сэтгэл зүрхний гүнээс ойртон танилцсан сан. Газар газрын хөгжимд дуртай хүүхдүүд цугласан эл ангийн анхны дарга нь Дархан хотоос ирсэн Ваанчигийн Мөнхбат аж. Хоч нь Памбига гэж байгаа. Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөж СУИС-ийн хөгжмийн зохиолчийн ангид суралцсан тэр авьяастан одоо АНУ-ын Вашингтон хотод аж төрж байгаа гэсэн. Тэр оюутан байхдаа л “Бодол”, “Чулуу” романсууд бичиж, “Торонд суусан болжмор” номыг бичсэн зохиолч Т.Рэнцэний “Уяхан хангайн бүсгүй” шүлэгт аялгуу зохиож явсан нэгэн юм.

Ер нь энэ ангийн авьяастнуудыг нутаг нутгаас нь олж ирсэн багш нарын билгийн харааг магтахаас яалтай. Гавьяат Сэр-Одыг гэхэд Хөвсгөлийн Ханх сумаас Одонтунгалаг багш нь олж ирсэн бол, Баянхонгорын Гурванбулагаас “Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандоржийг Баттогоо багш, “Үнэний хорвоо” дууны зохиогч Пүрэвдоржийн Ганбатыг Төв аймгийн Эрдэнэсант сумаас улсын начин Чанарав гуайн гэргий хуучрын багш Лийриймаа олж ирж байжээ. Ангийнхан нь Сэр-Од зохиолчийг Сэрээ гэж нэрлэнэ. Тэрээр оюутан болж ирэхдээ л бас ч ганц нэг хүүхдийн дууны ая зохиочихсон тэрүүхэндээ хоосонгүй нэгэн байж. Хөгжмийнхний дунд “Эрдэнэбатын ногоон” хэмээн алдаршсан онолын номыг гараар хуулаад биччихсэн, ноот хараад баянхуур тоглочихдог байсан гэж байгаа. Дуучин Хишигбаяр, Дэлгэрмаа нарын “Би чамд хайртай”, Чинболорын “Төгөлдөр гоо” дуунуудыг зохиосон соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Даваажавын Сүхбаатар бол арын сайхан хангайн Цахир сумын унаган хүү. Завхан аймгийн Нөмрөг сумаас ирсэн Мөнхцэцэг эдүгээ Идэр сумын дуу хөгжмийн багшаар ажиллаж буй агаад арванзургаан дуунаас бүтсэн хүүхдийн дууны цомгоо гаргаад байгаа авьяаслаг нэгэн. Мэдээж ангийнх нь хөгжмийн мэргэжилтнүүд дууных нь найруулжуулга сэлтэд сэтгэл гарган тусалсан юм билээ.

Нийслэлийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн хөгжмийн багш, соёлын тэргүүний ажилтан Батмагнай, Дэлгэрмаа хоёр бол өөрсдөө дууны найруулгаа хийдэг, Баянгол дүүргийн хэмжээнд мэргэжлээрээ гайхуулж яваа зүтгэлтнүүд юм билээ. Багануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн багш Одончимэг хүүхдийн дууны уран бүтээлээрээ бас л гайхагдаж явдаг юм байна. ОХУ-ын Уралын их сургуулийг дүүргэсэн, Монголын анхны мэргэжлийн хөгжмийн зохиолч эмэгтэй, ардын жүжигчин Самбуугийн төрсөн дүү Дэнсмаа эдний ангийнхныг нэгдүгээр курст ороод дөнгөж арвандөрөв хонож байхад “Миний хүүхдүүд хичээл номоо хэцүү гэж бүү шантраарай. Танай ангид наанадаж авьяас төгөлдөр арван хөгжмийн зохиолч байна гэж би итгэл дүүрэн хэлье” гэхэд дунд сургуулийн ширээнээс хөндийрөх төдий оюунтан болоод гэрээ санамаглах аядаж байгаа хүүхдүүд тэр үгийг гайхах төдий болоод өнгөрчээ. Гайхахаар ч барахгүй “Хөгжмийн зохиолч гэж биднийг мөн ч томоор харж байна даа” гэж багшаа дооглон мушилзасхийцгээж байжээ. Энэ нь нэг талдаа өөрсдийн авьяас билгээ таньж хараахан мэдрээгүй, ирээдүйд юу бүтээхээ мэдэхгүй ариун тунгалаг үеийнх нь гэгээхэн эндүүрэл, гэрэлт андуурал байжээ. Дэнсмаа хэмээх тэр авьяаслаг багшийнх нь таньж ерөөснөөр ч юм уу, тэнгэр бурхнаас заяасан өглөг хишгийн буяных ч юм сан уу ямартай ч өнөө энэ ангийнхны олонхи нь хөгжмийн зохиолч, хөгжмийн урлагийн зүтгэлтнүүд болцгоон өсөн торниж, туурвин бүтээж явцгаана.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын хөгжмийн багшаар Д.Одгэрэл, хөгжмийн зохиолч П.Ганбат нар яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн “Аргалын гал” яруу найргийн түүврийг аван “Үнэний хорвоо” шүлэгт аялгуу зохиосон түүх бий. Одгэрэлийн аялгуу зохиосон хувилбар төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит “Сэтгэлийн дуу”-д байр эзэлж шалгарсан бол Ганбатын аялгуутай дуу нь “Төгс аялгуу” уралдаанд дэд тэргүүн байр эзэлж, 1992 оны “Морин хуур” наадмын тусгай шагнал хүртэж байсан түүхтэй. Тэр жил Багшийн сургуулиас “Морин хуур”-т хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, “тахиа” хэмээн алдаршсан “Сүүдэр цармын цэцэг” дууны зохиогч Сайнцогийн Мөнхбат, хөгжмийн зохиолч Ёндонгийн Сүхбаатар, одоогийн урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналын энтэй хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөр нарын авьяасын шандас сорьсноос урлагийн гавьяат зүтгэлтэн Бадарчийн Бямбабаярын “Орхон түшээ мөрөн” дуу тэргүүлж, оюунтан Ганбатын бүтээл тусгай шагнал хүртсэн гэлээ. Оюутан хүү улсын наадмаас тусгай шагнал авчихаад Хүнсний хорьдугаар дэлгүүрийн урд талаас “өвгөнт” хэмээх архи олныг авч найруулан ангийнхнаа дайлж байсан ажээ.

“Төрүүлээд өсгөдөг нь ээжий юм аа

Төөрүүлж орхидог нь хорвоо юм аа хө

Хайрлаад өсгөдөг нь аав минь юм аа

Хагацуулж орхидог нь хорвоо юм аа хө” хэмээх эл дууг гавьяат жүжигчин Болормаа дуулж анх олны хүртээл болгож байсан. Хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбатын хувьд 1992, 1996, 1997 оны “Морин хуур” наадмын шагнал хүртэж, 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байр, “Хайрын дуу – 2000” наадмын тэргүүн байрын шагналыг авч байсан билээ. Тэр БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуульд хөгжмийн зохиолчоор суралцсан байдаг. Тэрээр Ширмэнтуяагийн дуулсан “Бодол”, яруу найрагч Д.Дашбадрахтай хамтарч “Санахгүй байхын аргагүй”, гавьяат жүжигчин Хонгорзул дуулж 1999 оны “Морин хуур” наадмын дэд тэргүүн байрын шагнал хүртсэн “Их Монгол орон мину” романс, дууны шүлгийн мастер З.Түмэнжаргалтай хамтарч “Зүүдэнд уяатай уул минь” зэрэг олны хүртээл болсон жар гаруй нийтийн болон мэргэжлийн дууны уран бүтээл хийсэн байдаг.

Эдний ангийн багш Солонго болбоос Багшийн сургуулийн ёочингийн багш төдийгүй хойт улсад дуулаачаар сурч байгаад агаар таарахгүйн улмаас ирсэн авьяасын гэрэлт нэгэн байсан гэдэг. Энэ хүмүүн эдүгээ нийслэлийн 84 дүгээр сургуульд ахлах багшаар ажиллаж байна. Шавь нар нь багшаа “Улаанбаатарын наяад оны миссүүдийн нэг байсан даа” гэж шагширч байна. Багшийн сургуулийн байранд Сэр-Од, Баасандорж, Памбига Мөнхбат, Одгэрэл дөрвүүл оржээ. Тэр үед оюутнууд 180 төгрөгийн стипендтэй байлаа. Дөрвүүлээ далан төгрөгөөр нийлцгээв. Тасгийнхаа санхүүг Бааска хариуцна. Тогооч нь Д.Одгэрэл. Гучдугаар дэлгүүр лүү явж нэг килограмм элсэн чихэр, төгрөг дөчийн хоёр талхтай ирнэ. Нэгийг нь Сэрээ стакан ус барьж байгаад идчихдэг байж. Үлдсэн нөгөөхийг нь гурвуул хувааж иддэг байж. Оюутны цалингаа эхэндээ амьжиргаандаа хүргээд л байдаг байж. Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбат дөрөвдүгээр курсийн оюутан. Нэг удаа ах нэгдүгээр курсийн Сэрээгийн тасгийнхныг шар айргаар дайлж, түүнээс хойш стипендээ амьжиргаандаа хүргэхээ больсон гэж байгаа. Дал, далаар нийлэхээ ч больж тус тусдаа санхүүгээ барьцгаах болжээ. Тасгийн тогооч Одгоо хоолоо ахин дахин амссаар цадчихдаг байсан хөөрхөн зальтай. Нөгөө гурав нь шүлсээ залгиад хараа л суугаад байдаг байжээ. Хажуу талын зэргэлдээ өрөөнд ангийнх нь охид амьдарна. Тэднийхээ хоолыг Сэрээ баараггүй бууддаг гэж байгаа. Солонгоо багш нь ангийнхаа хүүхдүүдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн байжээ. Хүнсний 100 дугаар дэлгүүрээс хямдхан гэж цувдай авч ирэн хувцас угаадаг цагаан түмпэндээ цувдайныхаа шөлийг үлдээгээд гаргаж асгахаас ялархан байсаар хэд хонотол ангийн багш нь иржээ. Гэтэл тасгаас нь бөөн өмхий үнэр ханхлаад хачин юм болж дээ. Багш нь Сэрээгээр асгуулсан гэж байгаа.

Сэрээгийнхээс Хөвсгөлийн цагаан загас, чихэр боов их ирнэ. Яагаад гэвэл тэр Ханхын хүүхэд шүү дээ. Харин нөгөө гурвынхаас нь өрөм зөөхий, мах ирдэг байжээ. Баялагмаа гэж Говь-Алтайн охин байж. Ардын жүжигчин Загдсүрэнгийн удирдлага дор дуулаачаар төгссөн нэгэн. Чико буюу Шаравын Мөнхжаргал эдүгээ Эрдэнэтэд багшилж байна. Мөнхбатаас хойш Дуламсүрэн гуравдугаар курсээс ангийн дарга болсон Дорнодын Хөлөнбуйрын барга охин. Одоо тэр 94 дүгээр сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаа. Тэд хоёр нийгмийн ид шилжилтийн үеийн даржинхан оюутнууд байсан ч өнөө бүгд мэргэжлээрээ ажиллаж байгаа чин сэтгэлтнүүд ажээ. Анх оюутан болж ирээд Борнуурын САА-д төмс хураалтад явж, механик зоорин дээр төмс ялгадаг байжээ. Улсын нөөцийн төмсийг ялгадаг том мэргэжилтнүүд гэж байгаа. САА-д явсан долоо, найман хөвгүүн нь зэргэд ангиудаасаа нэг, нэг найз охинтой болж ирлээ. Хоёрдугаар курсээсээ Багшийн сургууль, Цэцэрлэгийн багшийн ангиудын хөгжмийн ангийнхан нэгдэж, статусын хувьд Хөгжмийн багшийн коллежийн оюутнууд болон төгсөцгөөжээ. Сүхбаатараас ирсэн Мөнхзаяа хожим англи хэлний алдартай багш болсон байна. Лхамжав хоёрдугаар курсээс багшийн ангид орж одоо хотод цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. Байгальмаа Говь-Алтайдаа багшилж байгаа нь сайшаалтай. Суурьбат гэж хөдөлгөөнтэй хүү одоо Сэлэнгэдээ алдарт уяач болсон байна. Гэрэлцэцэг хэмээх тэр турьхан охин Эрдэнэтэд багшилж байгаа гэсэн.

Дорноговиос ирсэн Энхбат Замын-Үүдэд ажиллаж амьдарч байгаа юм билээ. Ангийнхан нь холбоо бариасай гэж хүссээр л байна. Хоёр буудлын атаман, “Чулуутын минь гол оо хө” гэсэн дууг зохиосон Минжүүрдоржийн хүү Дэмчиг гэж хөдөлгөөнтэй, авьяастай нэгнийг өнөө ч ангийнхан нь халуун дотноор дурссаар байна. Төгсөлтийнхөө хорин жилийн уулзалт болохоос хэдхэн сарын өмнө бурхан болсон бүжиг дэглэдэг, хөгжмийн авьяастан Эрдэнэболдоо тэд мартаагүй ээ. 2014 оны зургадугаар сард эдний ангийнхны хорин жилийн уулзалт баяр, гуниг дүүрэн болж өнгөрчээ. Сэрээгээ 2010 онд урлагийн гавьяат зүтгэлтэн цол авахад ангийнхан нь Төрийн ордноос Хөгжмийн зохиолчдын холбоо руу хамт алхахдаа Бааска, Ганбаа хоёр нь “Хойшоо болоорой, хойшоо болоорой” хэмээн куперлэж явсан гэж байгаа. Нэгэндээ тийм л хүндтэй ханддаг хүмүүс ажээ. Энэ анги хоёр багшийн гар дамжжээ. Түүний нэг нь дуучин мэргэжилтэй Чулуунхүү. Багшдаа хайртай ч гэж жигтэйхэн. Солонго багш нь балчир хүүхдүүдийг нь оюутан болгосон бол Чулуунхүү багш нь хатуу шаардлагаар тодорхой нийгмийн хүмүүс болгосонд тэд өнөөдөр ч чин зүрхнээсээ баярладаг юм билээ.

Ая зохиогч, хөгжмийн зохиолч Норовын Баасандоржийг манай уншигчид андахгүй биз ээ. Түүнийг “Элээх тавилан”, “Хос шарга”, “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Тэр л хэвээрээ” зэрэг олон сайхан нийтийн дуугаар нь танина. Тэр “Морин хуур” наадмын сонсогчдын таашаалд нийцсэн дуу, Монголын радиогийн “Цагаан лавай”-н тэргүүн байрын эзэн болж байсан гайхамшигтай уран бүтээлч билээ. Эдний ангийнханд агуу их хөгжмийн зохиолч Ч.Сангидорж хөгжмийн онолын цагаан толгойг заасан юм билээ. Бас нэг сонирхолтой түүх өгүүлэхэд Баасандорж, Ганбат хоёр СУИС-д 2000 онд элсэхэд ангийнх нь анд Тогтохын Сэр-Од багшаар хүлээж байсан гээд бод доо. Бас л гоё түүх шүү. Муратбек гэж Баян-Өлгийн Алтанцөгцийн хүү эдүгээ Баян-Өлгийнхөө театрт уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Тогтохын Сэр-Од бол ХЦДБЧ-ын уран сайхны удирдаач, СУИС-ийн профессорын багийн гишүүн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Do Re­Sound music production”-ий продюсероор, хөгжмийн зохиолч П.Ганбат БГД-ийн Хүүхэд, залуучууд хөгжлийн төвийн захирал, СУИС-ийн хөгжмийн онолын тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Н.Баасандорж “Soft music” продакшны захирлаар тус тус ажиллацгааж байна. Ийм л тэнгэрлиг, авьяаслаг ангийнхан Монголын соёл урлагт хувь нэмрээ оруулсаар явцгаана даа.

Categories
мэдээ цаг-үе

Надад үлдсэн найз

Тайзнаа дөрвөн найз гарч ирэн, Итгэлийгээ Америкийн виз авсныг баяр хөөртэйгөөр тэмдэглэж, насан туршийн андууд байхаа андгайлан тангараглацгаана. Тэд хөгжил цэнгэлтэйгээр нэгэн үдшийг өнгөрөөж байтал алс хол явах найрын эзэн тархиа барин ухаан алдан унана. Хоёрдугаар үзэгдэлд эмнэлгийн орчинд хоёр найз нь Итгэлийн эмчтэй уулзахад тархины бичлэгийн зураг үзүүлж “Хорт хавдартай. Ямар ч найдваргүй. Зургийг өөр эмч нарт үзүүлсэн ч адилхан л онош хэлнэ” гэж эмчид тоглох төрийн шагналт, гавьяат жүжигчин Цэгмидийн Төмөрбаатар баттайгаар нотлон өгүүлнэ. Итгэлийн тархины баруун тал хавдартай гэх агаад хоёр жилийн өмнө дөрвөн найзын нэг болох Азаа найзыгаа түлхэж унагаснаас үүдэлтэй гэх зохиолын зөрчил гарч ирэв. Хоёр найзад нь учирлан хэлсэн найдваргүй гэх оношийг өвчтөн Итгэл ч сонссон байв. Бүр өөр эмнэлгийн эмч нар ч зургийг хараад адилхан онош хэлснийг мэдэв. Итгэл бол Пагма хэмээх ядруухан авгайн наран мэт нандин ганц хүү нь. Найз нар нь эмнэлэгт хэвтсэнийг ээжээс нь нуусаар эцэст уулзуулахаас аргагүй байдалд орцгоов. Пагма авгайнд гурван найз ирвэл найзынхаа гэмтэлд өөрийгөө буруутай гэж гэмшсэн Азаа Итгэлийн ээжид тусалж хүүгийн адил аж төрж байх ажээ.

Пагма “Та гурвыг бодох нь ээ энэ муу Азаа л надад тусалж, гар хөлийн үзүүрт зарагдаж байна. Тэгэхэд Итгэл чи ямар муухай хатуу сэтгэлтэй хүүхэд вэ. Төрсөн эхээ ч тоохгүй чам шиг чулуун зүрхтэн бас байдаг аа” гэсээр угтлаа. Өвчтөн Итгэл ээжтэйгээ удаан байх ч тэнхэлгүй болжээ. Тиймээс найзууд “Өнөө орой Америк нисэх гэж байгаа” гэж хөөрхий эхийг хууран, сүү өргүүлэн гарцгаана. Эмнэлэгт эмч “Чи одоо ямар ч нэмэргүй болсон. Охиных нь бие маш муу байгаа нэгэн эхэд тус болох хэрэгтэй” гэх мэтээр өвчтөн Итгэл рүү сэтгэл зүйн дайралт хийнэ. Үзэгчдэд шулам мэт санагдах эмэгтэйн дүрийг соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин Цэрэндоржийн Баясгалан бүтээжээ. Тэрээр Итгэл хүүтэй уулзан “Миний охин ухаангүй, бие нь муу байна. Элэгний хорт хавдартай охиныг минь аврах ганц бурхан нь чи. Чиний элэг л яг таарч байгаа. Миний дүү бурхныг бодож хүний амь авраач дээ. Би чиний ачийг огтхон ч мартахгүй. Юу хүссэн бүхнийг чинь биелүүлье” гэнэ. Эцсийн мөч ирж байгаа хүн юу хүсэх сэн билээ. Гэвч, хорин тавхан настай Итгэлд амьд үлдэх ямар нэгэн итгэл найдвар үлдсэн гэж бодон “Таны охинд тусалдаг бурхан гэж байхад надад туслах бурхан тэгвэл хаа байгаа юм бэ” гэж уйлна. Уйлна гэдэг нь мюзикл болохоор мэдээж дуулна л гэсэн үг шүү дээ.

Итгэл хэдийгээр амьд мэнд сайхан аж төрөхийг хүсэвч хувь заяа түүнээр даажигнажээ. Тэрээр эцсийн эцэст хөөрхий охины ээжтэй уулзаж охинд нь донор болохоо хэлнэ. Тэртэй тэргүй хүний хорвоод амьдрах насны зогсоолд ирсэн юм чинь бүжигчин охинд элгээ өгөхөөр шийджээ. Тэр охины ээжээс “Таны охин амьдарч байна аа гэдэг би амьдарч байна аа гэсэн үг. Ээж минь надад хүнд туслахдаа элэг зүрхний гүнээс ач болж яваарай гэсэн. Ээжийн минь элгийг дэвтээж охиныхоо бүжиглэхийг ганцхан удаа ч болов харуулаарай. Ээж минь хүүгээ амьд явааг элгээрээ мэдрээд баярлах байх” гэж хэлнэ. Эмч гуай энэ үед зуучилж гүйгээд, жигтэйхэн баяртай. Гурван найз нь Итгэлийгээ эргэж ирээд шинэхэн байранд ээжийг нь оруулснаа гар утасны бичлэгээр үзүүлж сэтгэлийг нь үелзүүлээд авна. Тэд барилга дээр гурвуул ажиллаж Пагмад сайхан байр авч өгөн “Итгэл маань Америкт ёстой эр хүн шиг эрвэлзэж, эмээлтэй морь шиг дэрвэлзэж ээждээ ийм сайхан байр авч өглөө” хэмээн итгүүлнэ. Итгэл найз нартаа талархаж эцсийн хүслээ хэллээ. Тэр нь маргааш өглөө ирэхдээ багадаа идэцгээдэг байсан зайрмагийг нь авчирч өгөх. Найз нарыг нь гарсны дараахан эмч орж ирж түүнийг түрдэг тэргэн дээр суулган авч явахаар зэхлээ.

Тэгтэл… гаднаас Төмөрөө, Сэргэлэн хоёр найз нь Итгэлийнхээ дуртай зайрмагийг нь барьсаар бөөн баяр гүйн орж ирлээ. Эмч ч царай нь зэвхийрэн хувьсхийж гарч одов. Хоёр найз нь Итгэлээс эмч өөрийг нь хаашаа авч явсныг шалгаав. Хүнд туслах ёстой гэж ээжийнхээ сургаалаар хүмүүжсэн Итгэл чухам үнэнийг өгүүлэх нь үгүй. Энэ үеэр Азаа найз нь гаднаас Итгэлийн ээж Пагмыг дагуулан орж ирлээ. Хүний амьдралын баяртай ч гэмээр, бас гунигаар дүүрэн эгзэгтэй хором мөчүүд. Ээж нь хүүгээ хүнд өвчтэйг сая л жинхэнэ утгаараа мэдэрчээ. Гэвч, Итгэл хүү ээждээ, найз нартаа сайн сайхныг хүсэх л үлджээ. Хорвоогоос буцаж буй түүнд нэг ч гэсэн хүний алтан амийг аврах хүндтэй агаад эрхэм үүрэг хувь тавилангаар оногджээ. Үзэгчдийн танхимд чив чимээгүй, гагцхүү хааяа нэг шугшран уйлах сонстож, эрчүүд ч хацар дагах халуун нулимсаа арчих сөгөөгүй сууцгаана. Урлаг гэгч хүний сэтгэл зүрхийг уяруулан бөмбөрүүлэх ийм увидастай зүйл аж.

Монгол поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийн залуус “Надад үлдсэн найз” мюзиклээрээ сонсогч, үзэгчдэдээ бэлэг барина гэж зарласан нь ийнхүү биеллээ олов. Тэд хэлсэндээ хүрч Улсын драмын эрдмийн театрт уг мюзиклээ амжилттай толилууллаа. Тоглолт эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг огшоож, танхим дүүрэн алга ташилт нижигнэнэ. Тэдний тоглолт хүчтэй сайхан хоолойноос гадна жүжиглэлт нь үзэгчдэд урлагийн сайхныг мэдрүүлж чадаж байсныг энд дурдахгүй байж үл болно. Түмний сэтгэлийн таашаалд нийцсэн эл мюзиклийн зохиолч нь “Милл” кино компанийн зохиолч Д.Мөнхбат. Ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал, туслах найруулагчаар Ц.Баясгалан, зөвлөх найруулагчаар Х.Энхболд нар ажилласан бол хөгжмийн зохиолч найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, продюсер Б.Алтанхуяг, бүжиг дэглээчээр Д.Ганбаяр, тайзны зураачаар Т.Түмэн-Өлзий нар ажиллажээ. Мюзиклийн дууны үгийг Л.Таванбаяр, жүжгийн дүрүүдэд “Увертюра” хамтлаг, Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ц.Баясгалан, бүжигчин Э.Эрдэнэцэцэг нар оролцсон юм.

Мюзиклийн төгсгөл нэн гунигтай бөгөөд эмч өөрийн охины амийг аврахын тулд Итгэл хэмээх гэнэн цагаан сэтгэлт залууд ямар ч найдваргүй хэмээн итгүүлж амь насыг нь хөнөөснөөр өөрөө галзуурч үхэж байна. Амиа хоохойлогчийн эл өчүүхэн шинж чанарын эсрэг талд амьдрахын төлөө чин сэтгэлээсээ тэмцэж буй ариун цагаан сэтгэлтэй залуусын хүн чанар, сэтгэл зүрх, ирээдүйд итгэх их гэрэл гэгээг цацруулан үзүүлсэн нь энэ мюзиклийн хамгийн гол ололт байлаа. Үзэгчид тоглолтоос гарч явахдаа “Тэр дуунууд нь бүгд л шинээр зохиосон мөртлөө чихэнд ямар наалдацтай, сэтгэлд ямар дотно сонсогдов оо” гэж байсан нь “Увертура” хамтлагийн уран бүтээлч залууст тохирох үнэлэлт байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Дашдооровын Маралгоо: Аавын минь найзууд “Адууны туурайн тамгатай авьяаслаг монгол зохиолч” гэж хүндэлдэг байсан

Зохиолчид хадлан дээр

Ардын уран зохиолч, төрийн шагналт С.Дашдооров агсны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Дооровыг дурсахуй” дурсамж өдөрлөг өчигдөр СУИС-ийн “Оюутан” театрт боллоо. Зохиолч Сормууниршийн Дашдооров Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шороотын хөх овооны бууц хэмээх газар 1936 оны хулгана жил төрсөн нэгэн. Дэлгэрхангайдаа бага, Мандалговь хотод дунд сургууль дүүргэж, Улаанбаатар хотноо багшийн сургуульд суралцаж, багшийн мэргэжил эзэмшээд, хоёр жил сургуулийн багшаар ажиллажээ. Удалгүй утга зохиолын ажилд шилжин, Монголын зохиолчдын хороонд утга зохиолын ажилтан болж, Москва хотод Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцсан байдаг. Тэрээр “Монгол кино” үйлдвэрт ерөнхий редактор, Батлан хамгаалах яаманд цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, “Цог” сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн даргын ажлыг хийж байжээ. С.Дашдооров агсан 1975 онд төрийн шагнал “Говийн өндөр” туужаар авсан бөгөөд 1998 онд ардын уран зохиолч цол хүртсэн байдаг. Уран бүтээлийн их анд Дооровоо дурсахаар ардын уран зохиолч Т.Галсан, Б.Догмид, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Х.Зандраабайды, До.Цэнджав, багш Сосор нараас гадна МЗЭ-ийн удирдлагууд, Дэлгэрхангай сумын төлөөлөл, үзэг нэгт нөхөд нь хүрэлцэн иржээ. С.Дашдооровын уран бүтээл судлалаар уралдаан зарлаж гуч гаруй бичвэр шүүмж ирснээс залуу судлаач Х.Чойдогжамц тэргүүн байрт шалгарч, яруу найрагч Ж.Баяржаргал, эрдэмтэн зохиолч П.Батхуяг, судлаач Т.Доржсүрэн нар удааллаа. Дурсамж өдөрлөгийн үеэр их туурвилчийн охин Дашдооровын Маралгоотой уулзаж хөөрөлдлөө.

-Дашдооров гуай бол монгол түмний хайртай зохиолч. Аавынхаа тэгш ойг яажшуухан тэмдэглэж байна даа?

-Зөвхөн наян насных нь ойг тохиолдуулан аавыгаа дурсаж байгаа юм биш. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр гуай бидэнд “Аавынхаа дурсгалыг ингэж мөнхжүүлээрэй” гэсний дагуу шат дараатай ажлыг бид хийж эхэлсэн. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Бууж мордох хорвоо” шилдэг өгүүллэгийн, “Говийн өндөр” туужийн, “Хойтон жилийн наадам” шүлэг найраглалын гурван ботийг нь хэвлүүлсэн. Өнгөрөгч онд төрсөн нутаг Дэлгэрхангай сумын сургууль дээр наян насных нь ойн нээлтийг дуу хууртай, өргөн дэлгэр хийсэн. Миний аав бага сургуульд байхдаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 16 наснаасаа шүлгээ хэвлүүлж эхэлсэн байдаг. Шүлэг, яруу найргийн зэрэгцээ үргэлжилсэн үгийн зохиол бичсэн. Анхны өгүүллэг нь 1956 онд хэвлэгдсэн “Сэргэлэн багачууд” гэдэг өгүүллэг байлаа. Үүний дараа “Шинэ сурах бичиг”, “Алтан хараацай”, “Өнчин цагаан ботго”, “Бяцхан Боролзой” зэрэг хүүхдийн зохиолууд хэвлүүлсэн юм билээ. Тиймээс 2015 оны есдүгээр сарын 17-нд зохиолчийн гэр бүлээс санаачлан “С.Дашдооров сан”-г байгуулж төрийн шагналт, ардын уран зохиолч С.Дашдооровын нэрэмжит ерөнхий боловсролын дунд сургуульд ном хандивласан.

-Аавынхаа төрөлх сургуульд ямар номууд хандивлав?

-АНУ-ын Монгол судлалын төвийн дэмжлэгтэйгээр гадаад хэлний зуу гаруй номыг сургуулийн номын санд хандивлалаа. Сургуулийн хүүхдүүд анги хамт олноороо зохиолчийн намтар түүх, уран бүтээлээр ханын самбар гаргаж, өөрсдөө шүлэг зохион уншиж мөн зохиолчийн шүлгээс уран уншлага хийж уралдсан. Нийт 42 хүүхэд оролцсон уралдаанд дөрөвдүгээр ангийн сурагч Ө.Даваасүрэн уран уншлагаар тэргүүлсэн. Зохиосон шүлгээрээ долдугаар ангийн сурагч Э.Хүслэнжаргал, С.Тэгшзаяа, дөрөвдүгээр ангийн сурагч Т.Тэргэл нар шалгарсан. Эрдэм номын их үйлсэд зориулсан ном хандивлах арга хэмжээг зохион байгуулахад аавын нутгийн унаган хүү, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин дуучин Г.Хайдав, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр нар оролцож, нутгийн зон олонтой уулзаж, ухаант мэргэн үгсээ хэлж, ирээдүй хойч үеийн төлөөлөл болсон сурагчидтай уулзлаа. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр сургуулийн номын санд өөрийн уран бүтээлүүд болон “Монголын шилдэг өгүүллэг туужийн дээжис” боть номуудыг бэлэглэсэнд маш их баярласан. Манай сангаас ч аавын уран бүтээлийн дээжээс өргөн барьсан.

-Үрийн хувьд аавынхаа нутаг усныханд буянтай сайхан үйл хийжээ?

-“Шинэ Монгол” сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр сурагчидтай уулзаж, багш нарт арга зүйн зөвлөгөө яриа хийж, хот хөдөөгийн алслагдсан сургуулийг холбох гүүр тавих эхний алхмыг эхлүүлсэнд бас баяртай байгаа. П.Наранбаяр сургуулийн хүүхдүүдийн гадаад хэлний мэдлэгт зориулж япон хэлний толь бичгүүд бэлэглэсэн л дээ. Биднийг Дэлгэрхангайд явж байх үеэр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, найраг баянхуурч Тэрбиш гуай санаандгүй таарч, өөрийн ая дуугаар мэндчилгээ дэвшүүлж, хүүхэд залуучуудыг хөгжөөсөн нь “Сайн хүн санаагаараа” гэдгийн үлгэр болсон доо.

-Өөр хийж бүтээх зүйл зөндөө байгаа байлгүй?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сард “Дашдооров судлал” төвийг байгуулж анхны томоохон ажил нь өнөөдөр дүнг нь гаргасан судлал шүүмжийн уралдаан байлаа. Аавын үеийн ахмад зохиолчид орчлонгийн жамаар маш их цөөрч байгаа. Энэ сайхан хүмүүсээр яриулж, бичүүлж авсан бүхнээрээ ирэх гуравдугаар сард аавын тухай дурсамжийн номыг хэвлүүлэхээр бэлтгэж байна. Бас зурагтын нэвтрүүлгүүд ч бэлтгэж эхэлсэн.

-Аав чинь эцэг эхээс хэдүүлээ хүн байв?

-Миний аав эцэг эхээс хоёулаа. Бүсгүй дүүг нь Нанжид гэдэг хүн байсан. Дэлгэрхангайдаа насаараа амьдарсан. Ааваас хойш авга эгч маань бурхан болсон доо.

-Өөрийг тань Дооров зохиолчийн амины ганц охин гэлцэх юм билээ. Аавынхаа тухай, бага насныхаа дурсамжаас хуваалцаач?

-Аав маань орчлонд байхгүй сайхан эцэг хүн байсан. Биднийг “Гэрийн даалгавраа хийсэнгүй, гэр орон цэвэрлэсэнгүй” гэж үглэж яншаад байхгүй. Би нийслэлийн нэгдүгээр сургуульд сурдаг байсан л даа. Эцэг эхийн хурал болно, ээж дандаа явна. Аав хааяа нэг очихдоо миний ангийг андуураад өөр ангийн хуралд суучихаад ирнэ. Ирээд “Ингэхэд Марал хэддүгээр анги билээ” гэж асууна. Нүдэн дээр нь эрүүл саруул өсөж л байвал миний юу хийж байгааг огт сонирхдоггүй хүн байсан. Тэр бол охиндоо итгэсэн хамгийн гайхамшигтай сэтгэл байж. Жаахан байхад хаана л шинэ тоглолт, жүжиг, кино гарна тэнд намайг байнга дагуулж очно. Тэр нь надад их том боловсрол болсон. Хүүхдэд маш их хайртай. Ямар ч буруу зүйл хийсэн охиноо хэзээ ч загнахгүй.

-За, ямар буруу үйл хийгээд аавдаа загнуулахгүй өнгөрч байв?

-Аавыг ЗХУ-ын Новосибирск хотод уран бүтээлийн томилолтоор айлчлахад тэндхийн зохиолчдын хорооноос бэлэглэсэн нүүрнийх нь таг нээгдэхээр хөгжим дуугардаг, гоё гинжин зүүлттэй цаг байлаа. Аав тэр цагандаа жигтэйхэн их хайртай. Хааяа чухал үед гаргаж зүүн гангарах мөн ч дуртайсан. Тэр цагандаа намайг тэр бүрий хүргэхгүй. Нэг удаа нөгөөх цагийг нь авч “Илбэ үзүүлж байгаа нь энэ” гэж тоглож байгаад гахиуран шалан дээр унагаад эвдчихлээ. Аав маань хэзээ ч загнаж байгаагүй ч буруу зүйл хийсэндээ гэмшин байсан газарт нь сэмхээн буцаагаад хийчихээд бурханы өмнө мөргөө л, залбираа л суугаад байлаа. Тэгтэл аав орж ирээд “Юу хийж суугаа юм, миний охин” гэнгүүт годхийгээ л гүйгээд алга боллоо. Аав тэгэхэд намайг цагаа эвдсэнийг мэдчихсэн байсан юм билээ л дээ.

-Яаж мэдсэн гэж?

-Хэд хоносны хойно ээжид маань “Хөгшөөн, энэ цаг эвдэрчихсэн байна” гэж зүгээр л юм ярьж байгаа юм шиг хэлж байна шүү. Би “Одоо л загнана даа” гээд хүлээгээд байсан чинь загнах нь байтугай юу ч болсонгүй. Би бас зурагтын антеннаас татаад эвдчихдэг хүүхэд байсан. “Уран үгсийн чуулган” болоход аав өгүүллэгээ надад хамгийн түрүүнд байнга уншуулдаг байсан юм. Цаг эвдсэний дараахан болсон чуулганд оролцох өгүүллэгээ уншуулсангүй. Намайг дагуулж очлоо. Аавын өгүүллэг “Хүүхдийн ааш” гэсэн өгүүллэг байна. Тэр өгүүллэгт нэг цаг эвдсэн хүүхдийг аав нь аашлахдаа “Чи дандаа л зурагтын антен эвдэх юм” гэж байгаа тухай гарч байна. Тэр өгүүллэгийг сонсож суухдаа хацар, чих улайж, нүүр хийх газаргүй болчих шиг л санагдсан.

-Аавдаа их гомдов уу?

-“Миний хийсэн хэргийг бүгдийг нь бичээд байхдаа яахав дээ. Аавтай ёстой дуугарахгүй юм шүү” гээд нулимс яг гарчих гээд маш их хэцүү байсан. Аав намайг гэм үйлдээд бурханд мөргөж байгааг харчихаад загнаагүй юм билээ л дээ. Тэрнээс хойш биеэ их нямбай авч явж, юм эвдэхээ больсон л доо. Хоёр, гуравдугаар ангийн тэр гэнэхэн үе минь одоо ч надад санагдсаар байдаг юм.

-Аавыгаа хөөрхөн дөнгөчихдөг л охин байж дээ?

-Аавын найз зохиолчид орж ирэхээрээ “Марал байгаа юу” гэж хаалганы цаанаас сэмээрхэн асууж орж ирдэг байсан. Хэрвээ намайг гэрт байна гэвэл архиа гаргахгүй буу халаад сууцгаачихна. Лонх юм гаргаад ирвэл би гүйж очиж аваад зугтаасаар асгачихдаг охин байж. Жаахан хүүхэд байсан болохоор “Аав архи уувал муухай” гэсэн бодолтой байхгүй юу. Намайг хүүхэд байхад архи олдохгүй хэцүү үе байсан. Одоотой адил баар сав ч байсан биш. Ганц олдуут л аавтай минь хувааж сэржимдэх гэж ирдэг байсан. Тэр үед дөрөв, тавуул шимж хайрлаж уудаг байсан рашааныг нь асгадаг байсандаа одоо харамсах юм даа. Аав ч, аавын найзууд ч надаас их айна. “Маралаа, миний охин дэлгүүр ороод гоё чихэр авч ид” гээд мөнгө өгнө. Намайг дөнгөж гараад ирэхэд амжуулчихсан сууж байна.

-Зохиолчид юу гэх вэ?

-Тэр ховрын юмыг нь асгачихаар ямар олиг байх вэ. Загнах санаа байдаг л байсан байлгүй. Тэгэхдээ ааваас санаа нь зовоод яаж ч чадахгүй. Архийг нь аваад зугтаахаар муу аав минь “Миний охин ямар хөөрхөн зугтааж байна аа” гээд хошуугаа унжуулаад өхөөрдөхөөс цаашгүй. Зохиолчдын хороон дээр нэг удаа архийг нь асгачихсан чинь олон зохиолч ах халаглаж харамсаж муухай харахад аав л ганцаараа “Еэ, миний охин” гээд нүдэнд нь инээмсэглэл тодроод баясаж байсан. Тэгэхэд тэнд байсан бүх зохиолч асгарсан архинаас духандаа хүргэж сэржим өргөчихөөд явж байсан. Дунд сургуульд байхдаа аавынхаа зохиолуудаас их ичдэг байлаа.

-Яагаад?

-Хайр сэтгэлийн сэдэвтэй шүлэг найраглал, өгүүллэгийг нь уншаад “Аав одоо хөгшин хүн байж юун балай юм бичдэг юм” гэж л ичихгүй юу. Би чинь аавынхаа 48-тайд төрсөн юм шүү дээ. Тэрнээс миний аав их энгийн гайхамшигтай хүн байсан. Алдар нэртэй, авьяас билигтэй байлаа гээд одооны од гэж байгаа хүмүүс шиг өмссөн зүүсэн, өнгө мөнгөөр ялгарах гээд чармайгаад байдаггүй хүн байсан. Духан дээрээ багадаа дааганд өшиглүүлсэн туурайн том сорвитой. Тэрийг нь зохиолч найзууд “Адууны туурайн тамгатай авьяаслаг монгол зохиолч” гэж цаанаасаа л бахархсан янзтай хэлдэг байсан.

-Аавын чинь сэтгэлээ хуваалцдаг хамгийн дотно найз нь хэн байсан бол?

-Зохиолчид бүгдээрээ л аавд минь сайн байсан. Харин социализмын үзэл суртал хатуу тэр үед Чингис хааны тухай ч юм уу, нутгийнхныхаа хэлмэгдсэн хүмүүсийн талаарх нарийн ширийн бүхнээ чин сэтгэлээсээ ярьдаг, бухимдлаа илэрхийлдэг хүн гарын хуруунд багтам цөөхөн байсан. Тэрний нэг нь Сэнгийн Эрдэнэ гуай. Яруу найрагч Долгорын Нямаа гуайтай бас их дотно байлаа.

-Аав, ээж хоёр нь хоорондоо ямаршуухан харилцаатай байв?

-Манай ээж залуугаасаа уран бүтээлд их элэгтэй, зохиолд дуртай хүн байсан. “МОНЦАМЭ” агенлагийн англи хэлний нэвтрүүлгийн редакцийн анхны орчуулагч Итгэл гэж хүн байсныг үеийнхэн нь андахгүй. Залуу зандан насандаа уран бүтээлд татагдаж явахдаа орчуулагч Доржийн Гомбожав гуайтай сэтгэл зүрх нэгтгэж явсан байдаг. Гүржийн алдарт яруу найрагч Шота Руставелийн “Барсан хэвнэгт баатар” туулийг орчуулаад 800 жилийнх нь ойд яваагүйдээ гутарч яваад цэл залуугаараа нас барсан гэдэг тэр нэрт орчуулагч шүү дээ. Тэр хүн манай ээжийн найз залуу байсан юм билээ. Аав, Гомбожав гуай хоёр маш их найзууд байсан гэдэг. Аав, ээж хоёр минь тэр хүний тухай хоорондоо маш их хайрлан ярьдаг байсан. Кино үзэж байгаад “Энэ дээр жаахан деталь дутчихаж” гэх ч юм уу уран бүтээл их ярина. Ээж орчуулагч болохоор ааваас монгол үг их асууна. Мөнхийн л уран бүтээлээр холбогдсон улс байлаа. Ээж уран бүтээлд их хайртай хүн байсан болохоор залуудаа шүлэг бичээд Гомбожав гуайд үзүүлтэл “Чи ер нь өгүүллэг бичээч” гэсэн байгаа юм. Тэгээд нэг өгүүллэг бичиж. Хожим аавтай амьдарч байхдаа уншуултал “Чи шүлэг бичвэл яасан юм” гэсэн байгаа юм. Хайртай хүнээ “авьяасгүй” гэж шууд хэлчихэж чадахгүй тойруулж байсан тэр хоёрын сэтгэл агуу байгаа биз.

-Ээжийн чинь бичсэн бүтээл байгаа юу?

-Ээж маань Канадын зохиолч Стивен Лийкокийн “Өөгүй дурлалын лавлах” гэдэг хошин шогийн алдартай зохиолыг орчуулсан. Ээжийгээ 2006 онд бурхан болсны хойно энэ номыг дурсгалд нь зориулж хэвлүүлсэн.

-Тэр сайхан аав, ээжийн үр нь юм чинь уран бүтээлчийн хорхойтой л байж таараа даа?

-Ээжийг ном орчуулж байхад аав сайхан монгол үгээр хэлж өгнө. Тэрийг нь би аавынхаа машинаар цохиж өгдөг байлаа. Тэр сайхан үгийн ертөнцөд аж төрсөөр орчуулга миний хообий шиг болчихсон. Арван жилийн сурагч байхдаа “Цэнхэр дэлгэц”, Аюурзана зохиолчийн эрхлэн гаргаж байсан “Өчигдөр” сонинд юм орчуулж өгдөг байлаа. Оюутан байхдаа ямар ч байсан цагаан самрынхаа мөнгийг өөрийнхөө орчуулгаар олчихдог л байсан. Ах Гэрэлтөвтэйгөө хамтарч “Эртний хүний мөрөөр” номыг хожим орчуулж гаргасан. “Дэлхий бөөрөнхий биш” номыг бичсэн Томас Фрийдманы “Халуун хавтгай дэлхий” номыг орчуулсан.

-Өөрөө Японоос ирээд хэдхэн хонож байгаа гэсэн. Тэнд юу хийж байна?

-Намайг Японд гэр бүлээрээ амьдарч байгаа гэхээр “Япон нөхөртэй юу” гэж асуух хүн олон байдаг. Манай нөхөр Японы алдартай “Hitachi” компанийн “Hitachi solutions” салбар компанид программистаар ажилладаг Баянхонгорын Баацагааны уугуул Энхбаяр гэж залуу бий. Японд хуулийн ангид суралцаж байхдаа танилцаж гэр бүл болоод Мишээл гэж хөөрхөн охинтой болсон хоёр доо.

Categories
мэдээ цаг-үе

Магваны Эрдэнэбат: Санаа гүйцээд ирэхээр үзгээ шүүрэхээс аргагүйд хүрдэг

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Магваны Эрдэнэбаттай уулзаж хөөрөлдлөө. ТүүнийгХөлгүй цэнхэр нуур”, “Юу ч мартаагүй”, “Хүйтэн бороотүүвэр, “Хөлгүй цэнхэр нууруран сайхны кино, “Сарны нулимс”, “Өдөр өдрийн наролон ангит кино, “Хүний үнэртелевизийн жүжиг зэрэг уран бүтээлээр нь олон түмэн андахгүй.

Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэн болсонд баяр хүргэе!

-Хар нялхаасаа уран зохиолд дурлаж, идэвхтэй уншигч, бичигч байж, арвандолоон наснаасаа өнөөг хүртэл зүтгэсний минь буян хишиг ирлээ. Утга зохиолын хамгийн том оргил Д.Нацагдоржийнхоо нэрэмжит шагналыг авсандаа маш баяртай байна. Би арвантавтайгаасаа шүлэг бичиж эхэлсэн.

Их утга зохиолд түүчээлж хөтөлсөн багшийнхаа талаар дурсаач?

-Энэ сайхан мөчид дурсахгүй байхын аргагүй хүн бол утга зохиолын замч соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Загдын Түмэнжаргал багш минь юм. Түмээ ахтайгаа би аравдугаар ангиа төгсөн ЗХУ-ын Орелын ТМС-д суралцахаар очсон үедээ учирсан сайхан хувь заяатай. ТМС-д суралцахаар яваа хүүхдүүдийг харгалзаж явсан багш нь Түмээ ах байлаа. Бид тавыг жагсааж байгаад сургаал их айлдана. Тэр үед амьхандаа хэдэн шүлэг бичмэглэсэн болохоор “Шүлэг бичдэг хүүхэд байна уу гэж асуугаасай” гэж дотроо их залбирна. Тэр жил аав минь бурхан болчихсон байсан болохоор бяцхан зүрх минь юу эсийг бичсэн байх билээ. Тухайн үедээ би Түмээ ахыг “Зохиолч л гэж онгироод байх юм. Шүлэг бичдэгийг минь асуугаасай” л гэж их бодно. Тэгтэл нэг өдөр асуулаа шүү. Асуунгуут л би ч маш хурдтайгаар гараа өргөж, жагсаалаас гарч ирсэн. Үүнээс хойш их дотноссон.

Түмэнжаргал зохиолч тэр үед юу гэж байв?

-“Чи ерөөсөө намайг дагаад зүгээр л явж бай. Энд Орост сураад байх юм чамд юу ч байхгүй. Монголд очиж байгаад хэл, уран зохиолын ангид оруулна. Монголын том зохиолчид тэр чигээрээ миний найз нар байгаа” гэхэд хөдөөгийн хүү би тэр том амьтдын нэрийг л дуулснаас цаашгүй болохоор үнэндээ их биширдэг байлаа. Хоёр жил Түмээ ахыгаа дагаж, Горькийн утга зохиолын сургууль орж, Ленинградын цагаан шөнөд дурлаж, Оросын алдартай зохиолчдын гэр музейгээр яван нүд тайллаа. Түүний хажуугаар хойно сурч байсан одоогийн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, зохиолч Г.Аюурзана, орчуулагч О.Чинбаяр, Дашлхүмбийн Галбаатар багш, яруу найрагч М.Баттөмөр, Эрхүү хавьд сурч байсан ТЕГ-ын дарга асан Ариунсан, яруу найрагч Рагваагийн Гэрэл, Д.Чинзориг нартай танилцуулж байлаа. Орельд их зохиолч Тургеневын гэр музейг анх үзүүлж, өөрөө тайлбарлаж байсан нь сэтгэлд одоо ч тодхон байна. Түмээ ахынхаас ном их авч уншина. Тэр дотор Дармын Батбаяр гуайн “Айсуй баярын зөн” гэж их гэгээхэн богино өгүүллэгүүдтэй ном авч уншаад өгүүллэг бичмээр санагдсан. Тэр сэдэл л миний хүүрнэл зохиол бичих эхлэл болсон доо.

Багш тань дагуулж явахдаа хамтсавахуу. Хүнийхээ хувьд ямаршуухан зохиолч байв?

-Насны зөрөө ихтэй болохоор цугтаа уугаад байна гэж юу байхав. Тэр үед би хөдөөний жаахан хүүхэд болохоор ах захаа хүндэлнэ. Ахмад хүний хажууд тархигүй загнаад байхааргүй гэрийн хүмүүжил бидний үеийнхэнд бүгдэд нь байсан даа. Багш маань найз нөхөд олонтой хүн байсан. Тэр үед цүнх сав, үзэг балаас нь өгсүүлээд хямгадах юм зөндөө байлгүй яахав. Хамгийн гол нь тэр агуу хүмүүсийн яриа хөөрөөг чагнаж, архинд нь хааяа гүйнэ. Багш Явуухулан багшаа, шог зохиолч Жаргалын Барамсай найзаа, их зохиолч Балжирын Догмидын тухай ч юм уу, үзэг нэгт уран бүтээлчдийнхээ аль сайхан бүхнийг галт тэргэнд явж байсан ч, дэлгүүр хоршоогоор орсон ч их ярина. Тэр бүхэн нь надад авьяас билгийн их тэжээл болсон доо. Манай Түмээ багш хүүхэд шиг гэнэн зантай, онгироодуу ч юм шиг ил цагаан үгтэй уран бүтээлч хүний нийтлэг дүр болсон хүн байсан даа.

Орелийн ТМСээ төгсөж ирээд Монголдоо ямар сургуульд оров?

-МУИС, УБИС-ийн утга зохиолын ангид оруулна гэж багш их дагуулж явсаан. Тэгтэл харин С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль элсэлт авч, анхны ангид нь орж суралцсан даа. Манай сургуульд төрийн шагналт зохиолч агуу их Ш.Гаадамба, яруу найрагч Очирбатын Дашбалбар, эрдэмтэн зохиолч Сэндэнжавын Дулам нарын утга зохиолын томчуул багшилна. Тэдний бараа дүрийг хараад сүрдэж байна ч гэж жигтэйхэн, баярлаж байгаа ч гэж юу гэх вэ. Яруу найрагч Ж.Болд-Эрдэнэ, Шагдарын Уянга нар ч манай сургуулиар их ирнэ. Миний аж төрөл, эргэн тойрны амьдрал дандаа л авьяаслаг гэгээн хүмүүсийн дунд үргэлжилсэн. Одоо ч би Монголын аль л авьяастай онгодтой гэгээн сайхан хүмүүстэй үерхэж нөхөрлөж яваа минь сайхан хувь заяа гэж боддог.

Өгүүллэг бичээд өөрийгөө тоосон ч юм уу, өрөөлөөс урмын үг сонссон гэгээн агшнаа дурсвал олон биз?

-Урмын үг олныг сонсож явлаа. Хүүрнэл зохиол гэдэг чинь яруу найрагчид шиг “Болор цом” ч юм уу, ямар нэг уралдаан тэмцээнд ороод урмын үг сонсоод байх нь ховор, харьцангуй нуугдмал төрөл. “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэг маань анх “Билгүүн судар” сонинд гарахад олон хүн баяр хүргэсэн. Тэр сонин чинь тухайн үедээ нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж, Дөнгөтийн Цоодол, Баарангийн Пүрэвдаш, Г.Аюурзана, Э.Сонинтогос, Б.Галаарид нарын мундаг шүүлтүүр бүхий коллегитой байсан. Жинхэнэ авьяастныг их дэмждэг, уран бүтээлийн шагнал нь ч өндөр, босго өндөртэй хэвлэл байлаа. Монголын радио телевизэд ажилд орсны дараа программын хэлтсийн дарга, одоогийн ардын жүжигчин Г.Жигжидсүрэн гуай намайг дуудаад “Сэнгийн Эрдэнэ зохиолчийн 70 насны ой нутагт нь болно. Сурвалжлаад ир” гэлээ. Эрдэнэ баавайн “Сэрүүн дуганы мөхөл” гэж алдартай тууж байдаг даа. Хэлмэгдлийн үед сүйрсэн энэ дуганыг сэргээхээр ардын жүжигчин Жаргалсайхан, Эрдэнэт хотын дарга байсан Цэвээн гуай, Эрдэнэ баавай нар сэтгэл зүрх хамтатган нутгаа зорьсон хэрэг.

Тэр үед Эрдэнэ баавайтай сайхан дотносов уу?

-Эрдэнэ гуай мань мэтийг юугаа л мэдээ аж, тэр том хүн гэж бодож явсан юм. Тэгсэн баавай “Ардын эрх”, “Зууны мэдээ”, “Ил товчоо” зэрэг сонинд гарсан өгүүллэгүүдийг маань тоож, өөрийнхөө “Арван шувуу” номын хавтсан дээр “Их утга зохиолын ачааг Эрдэнэбат хүүд үүрүүлэв” гэж гарын үсгээ зурдаг юм байна. Ерэн есөн оны наймдугаар сард шүү дээ. Монголын сэтгэлзүйн уянгын их мастер Эрдэнээ гуайгаас тийм их итгэл найдвар тээсэн бэлэг авсан хүн урам авалгүй яах вэ.

Дашбалбар багш өөрийг чинь аль хэр үнэлдэг байв?

-Багш надад анхандаа сахилгагүй гээд жаахан тиймхэн ханддаг байсан. Сүүлд “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэг хэвлэгдсэний дараа маш их тоож “Чи ийм арван өгүүллэг биччихвэл Монголдоо сонгодог, зуун ийм өгүүллэг бичвэл дэлхийн сонгодог зохиолч боллоо л гэсэн үг” гээд надад урам хайрлаж билээ.

Танай Жамьянгаравын сургуулийн ангиас чинь олон зохиолч төрсөн үү?

-Олон зохиолч төрөөгүй ш дээ. Яахав, сэтгүүлчид бол хэд хэд байна. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, зохиолч Б.Батрэгзэдмаа нар сүүлд ирж төгссөнийг эс тооцвол цөөхөн зохиолчтой шүү, манай анги.

Бүтээл туурвих цаг хүн хүнд өөр байдаг. Та хэдийд голдуу бичдэг вэ?

-Санаагаа олчихоод бодоод л явдаг. Санаа гүйцээд ирэхээр өглөөний жин цагаар л үзэг рүүгээ явахаас аргагүй болдог доо. Жүжиг, киноны зохиолын голыг тасалчихгүй юмсан гэсэн бодлоор “Сарны нулимс”, “Өдөр өдрийн нар” олон ангит киноны зохиолуудаа бичсэн. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов ахын “Эцсийн тушаал” зэрэг телевизийн хэдэн ланжгар жүжиг байдаг. Үүнийг бодож байгаад “Хүний үнэр”, “Хүйтэн бороо” хоёр жүжгээ бичлээ. Хүний моралийн тухай жүжгүүд. Миний үеийн сайхан уран бүтээлч Ц.Буянзаяагийнхаа “Морин уруул” романыг саяхан уншлаа. Одоогоос зуугаад жилийн өмнөх түүхэн хүний тухай нэг роман, хоёр ч жүжгийн зохиол эхлүүлээд явж байна. Уран зохиол гэдэг хүн шиг өөрийн гэсэн хувь заяатай. Тиймээс өөрийн сэтгэл зүрхнээс төрсөн бүхнээ л уран бүтээл болгон амьдруулах юмсан гэж боддог доо. Тэрнээс онолоор хув хуурай юм бичиж, машин шиг олон бүтээл хувилахыг хүсдэггүй.