Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүрэнлхам: Үзэгчид дууг минь дагаж дуулахад сэтгэл догдолж, мэлмэртэл уйлмаар санагдсан

Залуу дуучин Жаргалсайханы Сүрэнлхамтай уулзаж ярилцлаа.

-“Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дууг чинь олон түмэн нэлээд сонсдог болсон. Энэ дуу хэрхэн бүтэв?

-Анх би соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Б.Пүрэвсүрэн ахын нэвтрүүлгийг зурагтаар харсныхаа дараа миний хоолойд тохирох ая зохиох хүн юм байна гэж бодсон юм. Тэгээд танилцаж учир байдлаа хэлэхэд “Чи залуу дуучин. Анхны уран бүтээл чинь хайрын сэдэвтэй байвал ард түмэнд сайн хүрнэ” гээд тэр өдрөө яруу найрагч Л.Төмөрбат ахыг дуудан аяа сонсгож, шүлэг ч тэр дороо бичигдэж “Хайраараа чамайг чимэлгүй яахав дээ” дуу бэлэн болсон. Хоолойн бичлэгт орж удалгүй цацагдсан. Телевиз, радиогийн олон хит парадад тэргүүлж байгаа.

-Энэ дууны чинь үг, ая хоёрын аль нь их таалагдсан бол?

-Үг, ая аль аль нь л шууд сэтгэлд буусан.

“Хаврын цэцэг дэлгэрэх цагаар

Хайрын сэтгэл хэнзрэлгүй л яахав дээ

Анхны хайртайгаа учирсан болохоороо

Азтай үеэ дурсалгүй л яахав дээ

Хавар хаврын цэцэгсээр гоёод

Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ

Дэндүү чамдаа хайртай болохоороо

Дэргэдээ байсан ч саналгүй л яахав дээ…” гэсэн их гоё гэгээн үгтэй дуу л даа. Сая Архангай аймагт тоглолтоор явж байхдаа “Улаанбаатарын хэдэн сувгаар л явдаг юм чинь миний дууг хэн мэдэх вэ” гэж бодож байлаа. Тэгээд сургуулийн сурагчдад тоглосон концерт дээр дахилтаа дуулахдаа санаандгүй дуу цацруулагчаа үзэгчид рүү хандуултал бүгд дагаж дуулдаг юм. Орой нь томчуудын тоглолт дээр бүүр ч хүчтэй дагаж дуулахад хоолой зангирч, нулимс мэлтрээд тайзан дээр уйлчих шахсан. Тэр олон хүн миний дууг дагаж дуулж байна гэхээр үнэхээр итгэмээргүй, гоё санагдсан.

-Өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

-Аав маань Жаргалсайхан гэж Архангай аймгийн Хайрхан сумын уугуул хүн байсан. Харамсалтай нь намайг бага байхад бурхан болсон. Ээж Мягмарцэрэн Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат. Би гурван хүүхэдтэй айлын дундах. Эгчийг маань Сүрэн, дүүг Эрдэмбаяр гэдэг. Миний хувьд Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 67 дугаар сургуулийг төгссөн. Хүүхэд байхаасаа Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” хэмээх алдартай чуулгад соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач Буянхишиг багшийн удирдлагад арван нэгэн жил дуулсан.

-Өсвөрийн дуулаачдын уралдаан тэмцээнд аль хэр оролцож байв?

-“Улаан бүч” чуулгын найрал дууны хүүхдүүд олон ч том тоглолтод оролцоно. Харин гоцлол дуугаар “Дуулах өв”, “Би эстрадын дуучин”, “Ирээдүйн одод” зэрэг олон тэмцээнд оролцож тэргүүн, дэд байр эзэлж, олон ч өргөмжлөлөөр шагнуулсан. Биднийг хүүхэд байх үед одоогийнхтой адил алт, мөнгө, хүрэл медалиуд тэгтлээ их байгаагүй. Уралдаанд амжилттай оролцоход шагнасан өргөмжлөлүүд бол цүнхээр дүүрэн байдаг.

-СУИС-ийг хэдэн онд төгсөв?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг Баясгалан багшийн удирдлага дор 2004-2010 онд суралцаж төгссөн. Би сурч байхдаа охиноо төрүүлж жилийн чөлөө авсан учраас хоёр анги дамнаж дүүргэсэн л дээ. Миний төгссөн хоёр ангиас нэрд гарсан дуучид гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандах, А.Түмэн-Өлзий нар байна.

-Сургуулиа төгсөөд урлагийн байгууллагад дуучнаар орох гэж хөөцөлдөж үзэв үү?

-Баахан шалгалт өгсөн ч төвийн урлагийн аль нэг байгууллагад орж чадаагүй ч “Намир медиа” групптэй уран бүтээлийн гэрээ хийж ажиллаж байна.

-Урын сандаа олон дуутай болж байна уу?

-“Намир медиа” групптэй Ая зохиогч Д.Пүрэвсүрэн ахын нэлээд хэдэн дуу урын санд минь орсон. Д.Жаргалсайханы шүлэг “Эжий жигүүртэй сэтгэл”, Ганбаатарын шүлэг “Хайрын үдэш”, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт хүүхдийн зохиолч О.Сундуйгийн шүлэг “Эжий шүтээн Талын уул”, соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч Норовын Баасандоржийн аялгуу, яруу найрагч Ш.Урьханы шүлэг “Нууж л явъя даа”, дүрсжүүлсэн дуу гэвэл “Хоёр зээрд” гээд нэлээд дуу байна шүү. Төв аймгийн Угтаалцайдам сумын сүлд дуу яагаад ч юм надад их сайхан дуу санагддаг.

-Ямар дуу билээ, тэр чинь?

-“Эжий шүтээн Талын уул” гэдэг дуу. Хүүхдийн зохиолч О.Сундуй гуай үгийг нь зохиосон. Тэр дууг Угтаалцайдам сумын ерэн жилийн ойгоор очиж дуулахад “Аварга Хадбаатарын бэр” дуулж байна гэж жаахан эндүүрэл гарсан шүү.

“Угтаад өндөлздөг Угтаалын минь

Хүүгээ саравчлах Ижий уул аа

Дулаахан энгэртээ нөмөрлөж өсгөсөн

Дууны хишигтэй Талын уул аа

Ирэх буцахын тоолонд

Элгэндээ тэвэрдэг Ижий уул аа

Бүлээхэн чулууг атгахын зуур

Бүдрэхийн тавилангаас авардаг Ижий уул аа…” гэсэн үгтэй дуу бий.

-Хадаа аваргын бэр гэж яагаад андуурагдав?

-Угтаалын цэнгэлдэхэд яг дуулах үед зарлахдаа л “Манай Хадаа аваргын бэр Сүрэнлхам одоо дуулна” гэж зарлахгүй юу. Хөтлөгч өмнө нь надаас “Өөрөө хэнийхний хамаатан бэ” гэхээр нь Хадбаатар гэдэг айлын бэр гэчихгүй юу. Манай нөхөр Хадбаатарын Батжаргал гэж программ хангамжийн мэргэжилтэй хүн байдаг юм. Бид хоёр найман настай Намуун гэдэг охинтой. Хадам аав болохоор Хоролын Хадбаатар гэж багийн дарга, тариа бригадад ажилладаг хүн байсан. Тэгээд сүрхий андуурагдахгүй юу (инээв.сур).

-Цомгоо гаргах болоогүй юу?

-“Хайраар чамайгаа чимэлгүй ч яахав дээ” гэсэн 12-13 дуутай цомгоо сонсогч түмэндээ удахгүй хүргэнэ ээ.

Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Г.Ундармаагийн “Итгэлийн танхим” дөрөв дэх эмнэлгээ тохижуулан засч өглөө

Жүжигчин Г.Ундармаа “GTL construction” компанийн захирал Ч.Гантулгын хамт

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хошин урлагийн жүжигчин Гончигийн Ундармааг цоглог ялдам төрх, хурц дайчин жүжиглэлтээр нь монголчууд андахгүй. Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн тэрээр Алтай хотод дунд сургуулиа дүүргэсэн нэгэн. Түүний эцэг Гончиг Баянхонгор аймгийн уугуул. Ээж Туяа нь Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Ундармаа урлагт дуртай, оролдлоготой болж өсчээ. Г.Ундармаа 1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театрт хүүхэлдэйн, инээдмийн, драмын жүжигт гурван жил авьяасаа сорин тоглосон байдаг. Хошин урлагт хөл тавьж “Шинэ үе” продакшны жүжигчин болсноор түүний олноо танигдах алдрын замнал эхэлсэн юм. Ундармаа хайрт аавыгаа бие тааруу Улсын клиникийн I эмнэлэгт эмчлүүлж байхад хүлээлгийн хонгилд хэд хоногийг өнгөрөөсөн нь түүнийг энэрэнгүй үйлсийн эгнээнд элсэхэд хөшүүрэг болсон гэдэг. Чингээд цахим ертөнцөд эмнэлгийн хүлээлгийн хонгилыг тохижуулах хүсэлтээ илэрхийлж, түүний шүтэн бишрэгчид нь дэмжсэнээр сайн үйлсийн төлөөх “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагыг байгуулсан түүхтэй.

Нэрт жүжигчний санаачилгаар 2013 оноос өнөөг хүртэл олон үйл ажиллагаа зохион байгуулжээ. Хамгийн эхэнд тэрээр 26 сая төгрөгөөр Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засаж тохижуулан, улмаар иж бүрэн камержуулсан Аавуудын өрөөг бий болгож буян үйлдсэн байдаг. Гэрэл гэгээтэй санаачилгадаа урамшсан бүсгүй УНТЭ-ийн Яаралтай түргэн тусламжийн иргэдийн хүлээх танхим, өвчтөний үзлэгийн өрөө, ариун цэврийн хоёр өрөө гэхчилэн нийт 220 метр квадрат талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж тохижуулжээ. Түүний гурав дахь томоохон ажил бол Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимын 220 метр квадрат талбай буюу хүлээн авах хэсэг, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгөөр тохижуулсан явдал юм. Тэрчлэн “Авьяас” хүүхдийн ордны гал тогооны өрөөг ч засаж өгчээ. Гончигийн Ундармаа яадгаа алдсан баян хатагтай биш. Тэр жүжигчний нөр их ажлынхаа хажуугаар “Анун” тавилгын компанид худалдагчаас орлогч захирал болтлоо чармайн ажилласан зүтгэл бий.

Тэрээр Өмнөд Солонгост аавыгаа эмчилгээнд авч явахдаа “Монголынхоо эмнэлгүүдийг яаж хөгжүүлж тохижуулах вэ” гэж тархиа гашилгаж явснаа хуучилж байна. Сайн санааны үзүүрт тос гэгчээр Ундармаагийн эхлүүлсэн санаачилгыг ажил хэрэг болгодог олон үнэнч дэмжигч түүнд байдаг нь энэ орчлонгийн хамгийн том баялаг гэж тэр өнөө бахархаж сууна. Өчигдөр л гэхэд цоглог, цовоо жүжигчин маань Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуун дахь салбар амбулаторийн хүүхдийн эмчийн өрөө, вакцин тарих сувилагчийн өрөө, вакцин хадгалах, хувцасны өрөө бүхий 72 метр квадрат хүүхдийн кабинет, 64 метр квадрат хүлээлгийн танхимыг гуч гаруй аж ахуйн нэгж, хувь хүний хандивласан 35 сая төгрөгөөр засварлан тохижуулж хүлээлгэн өглөө. Улс орны эдийн засаг хямралтай, эрүүл мэндийн салбар сайд ч үгүй байгаа үед Ундармаагийн энэ үйлс үнэхээр нүдээ олсон бурханлиг гэгээн үйл юм. Түүнд олон түмнийхээ өмнөөс баяр хүргэхээс өөр аргагүй.

Баянхошууны салбар эмнэлгийн эрхлэгч Гэрэлт-Од “Манай Сонгинохайрхан дүүрэг гурван зуу гаруй мянган хүнтэйгээс манай эмнэлгээр 99 мянган иргэн, 25 мянган хүүхэд үйлчлүүлдэг. Ундармаа маань үнэхээр том хөрөнгө оруулалт хийж буян үйлдлээ” гэж байсан. Гавьяат жүжигчин дуучин Алтанцэцэг найзынхаа санаачилгыг дэмжиж хагас сая төгрөг хандивласан, цаашид найз хорь гаруй бүсгүйчүүдтэйгээ “Итгэлийн танхим”-ын үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэдэгдэж “Олж харахыг хүсвэл сайхан цэцэгс хаа сайгүй ургадаг. Ундармаа маань олон сайхан цэцэг ургуулсан буянт цэцэрлэгч юм байна” гэж урмын үг хайрласан. Ундармаагийн хувьд гэр бүлийнхээ орлогын хорин хувийг төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулдгаа хэлж байна. Баянхошууны эмнэлгийг тохижуулах болсон шалтгаан нь хүүхдийн эмч Батжаргал жүжигчинд өрөөгөө тохижуулж өгөх хүсэлтийг цахимаар тавьснаас үүдэлтэй гэнэ.

Бэлэн мөнгөний хандиваас гадна сайн санаат хүмүүсийн бэлэглэсэн барилгын материал эмнэлгийн өнгө зүс, тохь тухыг өөд нь татдаг гэдгийг Ундармаа баримт түшин тайлагнасан. Тухайлбал, Ундармаагийн удирддаг “Ю Фильм УБН” найман сая төгрөг, твиттерчид 1.5 сая, соёлын тэргүүний ажилтан Р.Амарбаясгалан 230 мянган төгрөг гэх мэтээр арваад сая төгрөг бэлнээр цугласан бол АНУ-ын Чикаго хотноо аж төрдөг М.Энхцэцэг 54 инчийн хоёр ч зурагт илгээсэн байх жишээтэй. Тохижуулсан эмнэлгийг хүлээлгэж өгөх үеэр Энхцэцэгийн аав Мухаршар, ээж Сэрчмаа нар хүрэлцэн ирж жүжигчний гардуулсан талархлын өргөмжлөлийг гардан авсан.

Ажил үйлчилгээ, бараа материалаар 17 аж ахуйн нэгж байгууллага тусалж дэмжсэнээс Чоймболын Гантулга захиралтай “GTL construction” компани хоёр, гурван ч эмнэлгийг тохижуулах төсөлд нь хамтран оролцож, хүн хүчээ ажиллуулан, тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэнд жүжигчин Ундармаа гүнээ талархаж явдаг аж. Олондоо тустай үйлийг бүтээж яваа нэрт жүжигчин маань Яармагийн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулах ажилдаа удахгүй орно гэж итгэл дүүрэн өгүүлж байна. Сайн үйлс нь санасанчлан бүтэх болтугай гэж “Итгэлийн танхим”-ын тэргүүн Г.Ундармаадаа хүсэн ерөөе дөө.

Categories
мэдээ цаг-үе

Ө.Тамир: Өвөө минь азарган чоныг овоодон агнаж байсан эрэмгий хүн

Монгол Улсын даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбатын гэргий, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын ээж Ө.Тамиртай уулзаж хөөрөлдлөө.

-Таныг Монгол Улсын Ерөнхий сайд асан Гэндэнтэй хамаатан гэж сонссон юм байна. Ямар хамаатан билээ?

-Манай хөгшин аав Өлзийтийн Дэнзэн, хөгшин ээж Шагдарсүрэн хоёр Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу буюу одоогийн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул улс. Ханхөгшнийхөн гэдэг байсан. Миний хөгшин ээж Рэнцэн тайжийн долоон хүүгийн нэг Цагаан-Очир тайжийн ганц охин юм билээ. Цадмэд тайжийнх нь охин болохоор Ардын их хурлын нарийн бичгийн дарга Готовын авгай Басдайры эгч. Хөгшин аав, ээж хоёр таван хүү, гурван охин төрүүлж өсгөсөн. Хөгшин аавыг наян тавныхаа найрыг хийн Сүхбаатарын талбай дээр үг хэлээд, кино зураг авахуулж байхад зохиолч Өвгөөдэй хэмээх Цэндийн Дамдинсүрэн таарч “Өлзий буян дэлгэрсэн өвгөн” гэсэн тэмдэглэл бичсэн байдаг. Ууган охин Донжид нь есдүгээр Ерөнхий сайд Гэндэн гуайн авгай байхгүй юу. Тэрний удаах нь Батмөнх буюу том Дулам гэж нагац эгч маань байна. Манай ээжийг Жаал Дулам гэдэг байсан. Ээж маань багаасаа тэнхимд сураад дөрвөн аргын тоо, бичиг үсэгтэй болохоор АИХ-ын дарга асан Ж.Самбуутай феодалын хөрөнгө хураахаар Цэцэрлэгмандалын аймгийн Намнан уулын хошуунд явж байсан байгаа юм.

-Ээж чинь тэгвэл эрчүүдээс дутахгүй л дайчин бүсгүй явж дээ?

-Самбуу даргатай хоёр ч удаа хөдөө томилолтоор явсан байдаг юм. Самбуу даргыг Өмнөговь аймгийн даргын алба хашиж байхад ээж Дэлэгсамба ахлагчтай эсэргүү хөдөлгөөнийхнийг дарах гэж явсан байгаа юм. Энэ тухай “Эвлэлийн төв хорооны зуун гишүүний дурсамж” номонд баримт нь орсноос гадна Өвгөөдэй Дамдинсүрэн бас бичсэн байна. Ээж маань театрт дуучин, жүжигчин байсан. “Хэрмэл Дамбийжаа”-гийн галзуу хүүхний дүр зэрэг дандаа гол дүрийг бүтээж байсан байгаа юм. Ээж Эвлэлийн төв хорооны дарга байсан манай Өвөрхангайн гаралтай Улаан Пүрэв гэдэг хүний эхнэр байж. Энэ хүн Аж үйлдвэрийн комбинатын даргын алба хашиж байгаад хэлмэгдсэн байдаг. Төрийн шагналт Пүрэвийн Хорлоогийн хамаатан хүн шүү дээ. Ээж, Ерөнхий сайдын гэргий Донжид эгчтэйгээ хоёр морьтой Хараа, Бороо руу хавар эрт гараад намар тариа будаа ихтэй Хүрээ орж ирдэг байсан гэдэг. Ээжийгээ “Саран ээж” өргөмжлөлт болох үеэр бид архиваас нэлээд баримтыг нь цуглуулж авсан. Гэндэнгийн Казанийн төмөр замын буудал дээр зогсож байсан зураг энэ тэр гээд их зүйл байдаг юм билээ.

-Улсын архивт ч мэдээж тэр том алба хашиж байсан хүний их баримт байгаа л даа?

-Югославын Ерөнхийлөгч Титог манай улсад айлчлахад би цэцэг өргөн барьж байсан юм. Тэр зураг хүртэл архивт байдаг юм билээ. Тэр зургаа олж угаалгаж авсан. Зураг түүх өгүүлнэ гэдэг чинь сайхан юм билээ. Гэндэн Ерөнхий сайдыг Сочид баривчилсан шүү дээ. Тэгэхэд Донжид эгчтэй хамт дүү Пэлжээ нь хамт байсан юм билээ. Ээжийн дүү Долгор гэж багш хүүхэн байсан. Ээжийн дүү Цэрэндондов бол БНАСАУ, Болгар улсуудад элчингийн нарийн бичгээр ажиллаж байсан, Англи Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар сууж байсан хүн байна. Англи улсад суугаа Элчин сайдын яам Канадыг давхар хариуцдаг байсан. Манай Мөнхбат чинь олимпод оролцохоор явахдаа Цэрэндондов ахынд очиж байсан байдаг. Сүүлд Японд долоон жил Элчин сайдаар ажилласан. Ээжийн бас нэг дүү Дэнзэнгийн Ишцэрэн их сургуульд багш, Боловсролын яамны сайдаар ажиллаж байгаад Төрийн ордонд нас барсан шүү дээ. Энэ нагац ах маань биеэр том биш ч гэсэн моринд их эрэмгий, циркийг үндэслэгч гавьяат жүжигчин Раднаабазар, Нацаг нартай хамт овоолго хийх үзүүлбэрт гардаг мундаг тамирчин хүн байсан байгаа юм. Сэмжээн Дондов гэдэг хүү нь малчин байж байгаад жолооч болсон хүн. Манай хөгшин аав ийм найман хүүхэдтэй хүн байлаа.

-Хөгшин аав чинь ямаршуухан хүн байв?

-Их сайхан барилддаг. Мээтэн Аюур, Их Монгол Шаравжамц нартай хүч үзэж явсан “майга”, “бөх”, “баян” Дэнзэн гэсэн алдар гуншинтай хүн байсан даа. 1956 онд зодог тайлсан гэж байгаа юм. Урт гарт хэмээх Маамын Лхагва арслан өвөөгийн зодог, шуудгийг өмсөн улсын наадамд түрүүлсэн гэдэг. Улсын наадамд түрүүлээд Лхагва арслан чинь “аавынд” орсон ш дээ. Тэр зодог шуудгийг Лхагва гуай гарч ирээд “Энэ өмсгөлийн чинь идийг хийлээ” гээд манай хөгшин аавд авчирч өгч байсан юм гэдэг. Дээр үеийн улсууд тийм сайхан жудагтай. Бөхийн удам залгуулах охин гэдэг утгаар авч үзэх юм бол манай өвөө чинь улсын цолгүй ч тийм мундаг бөх хүн байсан. Улсын сайн малчин цолыг 1933 онд авч байсан.

-Таны аав болохоор аль нутгийн хүн билээ?

-Манай аав Өлзий-Утас Архангай аймгийн хүн. Аав, Базарын Ширэндэв гуай хоёр Архангай аймгаас ачааны машин дээр хүрзний хоёр талаас бариад анх хотод орж ирсэн байгаа юм. Машинаас Ленин клубын энд буучихаад гудамжны чийдэн харчихаад гайхаад, хараад зогсоод байсан гэдэг. Тэгээд хамтдаа нэг сургуулийн газар очоод утсаар ярьж байгаа хүн харчихаад “Галзуу солиотой юм уу, хаашаа юм, ганцаараа яриад байх юм” гэж нөгөө хүнийг дооглон биенээ нударч байсан гэж ярьдаг сан. Ширэндэв гуай гадаадад сургуульд яваад усанд хаясан чулуу шиг арван хэдэн жил алга болсон гэж аав ярьдаг байлаа. Аавыг болохоор бичиг үсэг, дөрвөн аргын тоотой болохоор Монголдоо ойр зуур намын ажилд томилсон байгаа. Хожим КУТВ-д яваад эрүүл мэндийн шалтгаанаар буцаж ирсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цогзолын аав Пүрэв хойно бие нь тааруу байхад их тусалж байсан юм билээ.

-Та айлын хэд дэх хүүхэд билээ?

-Айлын ууган хүүхэд Архангай аймагт Цэнхэр, Тамирын голын Сайрын ард төрсөн. Намайг дөрөв, таван настай байхад манайх хотод шилжиж ирэн Боловсон мах комбинатын даргаар ажилласан. Хойно Сэлбийн амралтын даргаар олон жил ажилласан. Бид тэнд л өсөж торнисон доо. Миний дараагийн дүү Ө.Булган гэж их сургууль төгссөн орос хэлний багш хүн байна. Сангийн яаманд олон жил ажилласан эдийн засагч Ө.Алтансэлэнгэ, ШУТИС-ийн доктор Ө.Нагва, Ташкентэд төгссөн Ө.Баянтуул, Эрхүүгийн их сургууль дүүргэсэн Ө.Энхсайхан нарын дүү нар минь бий.

-Улс даяар алдартай дархан аварга Мөнхбатын гэргий болсон түүхээ хуучилбал сонин доо?

-Аав Сэлбийн амралтын дарга байхдаа Тэрэлжийн амралтын дарга Рагчаа гуайд ах дүү нараа ярин ажилд оруулсан байсан. Тэнд манай аавын эгчийнх цагаан идээ боловсруулах ажил хийдэг байлаа. Тэрэлжийн амралтын тэр эгчийндээ өвлийн амралтаараа амарч байхад бөхчүүд бэлтгэл хийж байсан. Тэр үеэс л Мөнхбат бид хоёр бие биеэ мэддэг болсон. Мөнхбат гудамжны хоёр талаар явж байхад “Хөөе” гээд дуудахаар би их ичнэ. Манай Анагаахын дээд сургуулийн нэг ангийн хүү, улсын начин Чулуунбаатар бид хоёрыг нэг анги гэдгийг Мөнхбат мэдээд цугтаа манай гэрийг сурагласаар ирж байсан. Би дөрөвдүгээр курсын оюутан байж. Нэг өдөр Чулуунбаатар “Чамаас семинарын ном авах гэсэн юм” гэж ирлээ. Гандангийн хамба лам Гомбожавын охин Эрдэнэцэцэг манай анги. Тэднийд хамт очиж ном сурчихаад гараад ирсэн чинь Мөнхбат хүлээж байдаг юм. Тэрнээс хойш Мөнхбат манай гэрийг мэддэг болж аваад ороод ирнэ. Амьдралаа ярих нь их өрөвдмөөр. Аав ээж гэж байхгүй, ах дүү нар нь хөдөө. Хотод мориор шууз ганзагалан хичээлд ирчихээд Тасганы овооны энд хонож байсан ч гэх шиг юм ярина.

-Мөөеө аваргын аав, ээж нь бурхан болчихсон байсан юм уу?

Мөнхбат чинь айлын арав дахь хүүхэд байхгүй юу. Төрөөд зургаан сартай байхад нь ээжийнхээ ах Жигжидийнд өргүүлсэн юм билээ. Аав Чанцал, ээж Хажид хоёр арван хоёр хүүхэд гаргасан улс. Айлд өргөгдөөд арван гурван насандаа ээж нь нас барах үед сургуулиа хаяж ээж рүүгээ гүйсээр нэг жил завсардсан байдаг. Жигжид аав нь хорин хэдтэйд нь бурхан болсон. Техникумд сурч байхдаа мориор нутгаасаа хичээлдээ ирдэг байсан юм билээ, хөөрхий. Бөхөд хайртай сайн улсын хүчинд Санхүүгийн техникумаа төгсөж, сургуульдаа багшаар үлдсэн байгаа юм. Багш нар нь зодог шуудаг хүртэл хийж өгсөн байдаг. Ардын уран зохиолч Балжирын Догмид ноднин “Намайг Санхүүгийн техникумд сурч байхад Мөөеө аварга миний багш байлаа. Цагаантолгойн сангийн аж ахуйд намрын ажилд явахад Сэлэнгэ мөрөнд намайг сэлэх гэхээр “Говийн хүүхэд усанд живж үхэх гэж байгаа юм” гээд бургасаар шавхуурдаад хөөдөг байсан. Яс юман дээр би Дорноговьд усан бассейнд сэлээд сурчихсан, загас шиг л амьтан байсан байхгүй юу” гэж хуучилж байна лээ. Тэгэхээр шавь нараа гэсэн сэтгэлтэй мундаг л багш байсан байгаа юм.

-Тантай танилцахдаа Мөөеө аварга улсын наадамд аль хэр амжилттай барилдаж байв?

-Өө, юу ярьж байгаа юм. Дөрөв, тав түрүүлчихсэн байлгүй яахав.

-Тав түрүүлдгээ түрүүлчихсэн байсан үе нь юм байна шүү дээ?

-Тэгсэн байсан. Би дөрөвдүгээр курстээ Архангайд дадлага хийхээр явсан. Мөнхбат Мехикогийн олимпод оролцох гээд Завханд бэлтгэлтэй ч их сургуулийн номын санч ажилтай ээж дээр хүртэл намайг сураглаж очсон байдаг юм. Дадлагад байх хугацаанд нагац ах Цэрэндондов эд нар “Улсаа төлөөлж олимпод явах гэж байгаа хүнийг сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй” гэж ятгаж эхэлсэн. Тэгээд олимпод явахад манайд хоол унд болоод үдэж өгсөн. Эндээс л бид хоёр ойртож дотноссон доо. “Мөнхбат олимпоос алтан медаль авах гэж байна, мөнгөн медаль дээр тогтлоо” гээд манайхаар ирсэн улс амьтан ярьж л байсан. Залуу байсан болохоор тоох ч үгүй. Олимпоос ирэх өдөр нь ичээд онгоцны буудал руу очилгүй, сургуулийнхаа үдэшлэгт бүжиглэхээр яваад өгсөн. Ах нь, балиашгууд нь л тоссон. Намайг үдэшлэгээс тараад ирсэн чинь Мөнхбат манайд ирчихсэн байлаа. Түүнээс хойш манайхаар голдуу байцгааж, хүүхдүүдийг маань аав, ээж өсгөлцөж өгсөн дөө.

-Ууган үрийнхээ зулайг үнэрлээд аав, ээж болохын жаргалыг мэдэрсэн байж таарна даа?

-Ууган хүү М.Батхуяг маань төрлөө. Цэргийн сургууль төгссөн, Зүүнбаянд офицер байж байгаад аавынхаа сургуульд жүдо, самбогоор багшилсан. Удаахь охин М.Батцэрэн Солонгост сургууль төгсөөд, одоо “Тоёота Мөнххада”-гаа авч явна. М.Батгэрэл охин маань Англид таван жил шахуу амьдарч байхад нь бид “Дүүдээ тусал” гээд Япон руу явуулсан. М.Баасанжаргал охин маань Их шавийн сургуульд багшилж байгаад бас л компанидаа ажиллаж байна. Энэ охины маань нөхөр аймгийн арслан Батжаргал. Хүргэн сумод хүүхдүүдийг дасгалжуулж барилдуулна. Монголчууд энэ жил алт, ноднин мөнгө, уржнан жил хүрэл медаль авсан ш дээ. Баянхонгороос ирсэн хүүхдүүд энэ жил түрүүлсэн байна лээ.

-Батхуяг хүү чинь барилддаг байв уу?

-Улсын наадмын хүүхдийн барилдаанд барилдсаан. Жудо, самбод барилдаж байсан. Баримтат кинонд дүрс нь үлдсэн байдаг юм. Дүүдээ мэх зааж өгнө. Би хөвгүүдээ бөхөд эвсэлтэйг харахаар “Бөх гэдэг чинь хоёр талаасаа дөгөөтэй л байдаг юм байна” гэж боддог юм шүү дээ. Манай хөгшин аав чинь өглөө адуунд явж байгаад унага даага идчихсэн азарган чонотой таарч уургаараа нүдсээр муужруулаад, чоноо салтаандаа хавчуулж байгаад хутгаа сугалан хөнөөж байсан тухай хууч яриа сонсож л байсан.

-Даваажаргал хүү чинь Япон руу хэдтэй явлаа?

-Долоогоо төгсөөд наймдугаар ангид ордог жилээ л явсан даа.

-Аав ээжийнхээ өврөөс ч гараагүй явсан гэж үнэн үү?

-Манайх ч хөдөө гадааны улс ихтэй болохоор миний муу хүү чинь аав ээжийнхээ л өвөрт унтана. “Хэн хэлчихдэг байна аа. Ээж аавынхаа өвөрт унтдаг гэж хүүхдүүд шоолоод байх юм” гэж их ичдэг байсан. Заан Дүвчингийн хүүхэд энэ тэртэй барилдана. “Аав гэдэг арын хаалга ч байхгүй. Аварга, аварга л гээд байдаг. Намайг харж байхад түрүүлээч” гэж бэлтгэл дээр гарч байхдаа их гомдоллоно. “Даваа туг тойрч байгаад таварцаглачихлаа” энэ тэр гээд элдэв юм дуулдана аа. Сонгинын амралтад сүүлд Өсөхөө аваргатай хамт гардаг байсан. “Хэлтгий заяа” кинонд аавтайгаа тоглож байлаа. Япон руу “Гурван сар болно” гээд аравдугаар сард явсан хүүхэд чинь удахгүй ирэх шахаж л байсан. Анхандаа жижиг биетэй гээд гологдоод, аав, ээждээ бэлэг сэлт аваад, маргааш нисэх тийзээ бичүүлчихсэн байхдаа азаар дэвжээндээ үлдсэн байдаг юм.

-Тэндээ үлдсэнийх ямар ч байсан сумо хэмээх тэр том уулын оргилд нь ямар ч гэсэн гарлаа даа?

-Анхандаа гэрээ санана. Шөнө орондоо уйлдаг байсан гэсэн. Багш нь өдрийн арван мянган төгрөгийн сүү авч өгдөг их сайн хүн таарсан байсан. Багш нь муугаас болж сумогоос гарсан хүүхдүүд зөндөө байдаг юм билээ. Ноднин Хубилай хааны сүнс амирлуулах ёслолд япончууд намайг урьж үг хэлүүллээ. Би тэнд “Миний хүү арван таван настай сумод ирсэн. Манай Монголын үр хүүхдээ хүмүүжүүлэх сайхан ёс байдаг. Баруун мөрөн дээр аавын, зүүн мөрөн ээжийн сүнс байрлаж, орой дээр Бурхан багш оршдог гэж багшийг их хүндэлдэг ард түмэн. Цагаан сар болоход аав, ээжээсээ илүү багштайгаа золгодог, номыг торгонд боож баринтагладаг ард түмэн. Миний хүү яагаад сайн барилдаж байна гэхээр сайн багштай учраас өдий зэрэгтэй явж байна” гэж хэлэхэд багш нь “Танай хүү үнэхээр сайн бөх” гэж байсан. Тэр олон сая хүний итгэлийн сайхан хүч хүүд маань цагаан эрчис хайрлаж байгаа нь тодорхой доо.

-Ач нар чинь одоо ч сайхан өсөж торнилоо доо?

-Манай хүүхдүүд сурлага сайтай. Эзэн хааны сургууль биш иргэн хүн сурдаг өндөр зэрэглэлийн сургуульд Юнрэнцоо охин маань гурав, дөрвөн мянган хүүхдээс ганцаараа шалгарч сурч байгаа шүү дээ. Тэр Кэйёо сургуульд бас дүү нь цуг сурч байгаа. Хамгийн бага Мааяа охин ээжийнхээ сурч байсан Эзэн хааны сургуульд сурч байна даа.

-Хакухо аварга аав, ээжийнхээ алтан хуримыг хийлгэлээ гэж цахимаар хэсэг шуугив даа?

-Цагаан сарын шинийн гурванд Өмнөд Солонгосоор дайраад Хавайн аралд очсон. Тэнд Даваагийн фен клубын америк, япон хүмүүс сайхан хүлээж авсан. Зураг хөргөө далайн эрэг дээр авах гэснээ настай улс жиндэх байх гээд тусгай ёслолын танхимд нь хуримын хувцас, японы үндэсний хувцастай зургаа авахуулсан. Тэр олон сая хүний сэтгэлийг бодож япон үндэснийх нь хувцастай зургаа авахуулахад юу нь болохгүй байх вэ гэж бодсон. Хүлээн авалт сайхан болсон. Хавайд гурван хос алтан хуримаа тэмдэглэсэн дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Үзэсгэлэн гоо”-г мэдрүүлж,“Хайрын бурхан”-аа олсон поп хатагтайн тоглолт намбалаг даруухан боллоо

Поп хатагтай Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөрт зориулсан анплегед тоглолт Соёлын төв өргөөнөө хоёр өдөр боллоо. Монголын эстрадын урлагт тэр гучин жил дуулж, амьдрал жаргалын тайзан дээр гучин жил алдаж онон, унаж босож ирснээ уянгалаг хоолойгоороо, уяхан дуунуудаараа илэрхийллээ. Дуучин Сарантуяа гэхээр миний хувьд Зууны манлай, поп дива, поп хатагтай, хайрын дууны хатан хаан энэ тэр гэсэн жигтэйхэн гялтгар титэм духдуулсан хүнээс илүүтэй “Энэ чинь Монголын Алла Пугачева” гэсэн бодол л юуны түрүүнд төрдөг. Сараагийн өмнө эстрадын мундаг эмэгтэй дуучид байсан уу гэвэл байсан. Гэвч, тэр өөрийн орон зайг урлагийн алтан тайзнаа зарлан тунхаглаж чадсан авьяаслаг, хөдөлмөрч бүсгүй. Тоглолт эхлэхээс өмнөхөн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатартай үүдэнд таарч мэнд мэдвэл их л ёслолын маягтай, тэрүүхэн тэндээ догдлонгуй, цэцэг барьчихсан, гэргийгээ сугадчихсан толгой дохиод л шурдхийгээд орлоо.

Тоглолтын эхний хэсэг үндсэндээ сумынхаа улаан буланд суусхийгээд ардын авьяастнуудын тоглолт үзэж буй аятай сэтгэгдэл төрөхөөр боллоо. Үүгээр Сарантуяаг маш муу дууллаа гэж байгаа юм биш. Харин ч нэг л тийм сэтгэлд ойр, дотно даруухандуу аястай байлаа гэж хэрдээ тоож байгаа минь юм. Тайз заслын хувьд том “30” гэсэн тооноос өөр хараа булаачих зүйлгүй, машид энгийн. Үндэсний цөөхүүл хөгжмийн “Олонхо” хамтлагийн хөгжимчид. Монгол хувцастай Сараа. Утаа мутаа, элдэв гялалзаж саажсан гэрэл үгүй. Соёлын гавьяат Ш.Гүрбазарын сүржин хоолойгоор өөрийгөө давслан ташуурдахаас өөр илүүц чимэггүй. Гүрээ ах аль дивангарын “Ардын дууны Хандармаа” гэж шүлгээ дуудах. “Арван наймтай хүсэлд минь хорин тавтай Хандармаа. Гучин тавтай бодолд минь арван наймтай Хандармаа” ч гэх шиг дуудах нь сонгодог бус шүлгээ олон давтвал улиг биш үү гэмээр.

Сараа эхлээд Ү.Хүрэлбаатарын шүлэг “Эжийдээ би ирсэн” дуугаа дуулав. Удаалан Өмнөд Монгол ахан дүүсийн нулимстайхан аялдаг “Хун галуу” хэмээх дууг аяллаа. Буриад ардын “Аав, ээж хоёр минь” дууг явууллаа. Нэг л явж өгдөггүй дээ. Тоглолт Шаравын Сүрэнжав найрагчийн “Нас тогтсон хүүхнүүд Намбалаг болоод өнгөлөг” гэдэг шиг намба нь арай л ихдээд байх шиг даруухнаас даруухан үргэлжлэх шинжтэй. Харин “Миний ээж тэмээчин” дууг дуулж эхлэх үед хүмүүсийн хандлага арай нэг амилангадуу болж ирлээ. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн аялгуу энэ дуу Сараагийн урын санд тодорхой утга, уянгатай л дуу сан. Хөтлөгч ч, дуучин ч Хонгор нутгийн аугаа их хоёр уран бүтээлчийн нэрийг эс дурдах нь цаанаа л нэг хүндэтгэлгүй. Төрдөг, үхдэг хорвоод уран бүтээл нь мөнх ч, үлдсэн бидэн нэгэндээ хэчнээн тоомжиргүй ханддагийн жирийн л нэг жишээ энэ.

“Захгүй говийн үзэсгэлэн

Загийн шугуйд дулаан

Дулаан говийн хаваржаандаа

Дуучин ээж минь суугаа даа

Дууны уянгаа өргөсөн

Дуучин ээж минь тэмээчин

Ээж минь тэмээчин” гэж Сараа намуухан, тослог хоолойгоор аялж үзэгчдийн дунд суугаа хайрт ээж Танядаа ариун цэцэгсийн баглааг өргөн барьсан. Дуучин маань ээждээ зориулан төрөлх саха якут ардын гэгэлгэндүү дуугаар сэтгэлийн бэлэг барьсан. Энэ тоглолтоос хит болж үлдэх нэгэн сайхан дууг поп хатагтай маань соёлын тэргүүний ажилтан, “Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээрээ анх олноо танигдсан Үүрийнтуяатай хослон дуулсан нь олны таашаалд нийцэж алга ташилтаар шагнуулав. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Мөрдэндэвийн Ядамсүрэн хэлмэгдлийн хар сүүдэрт нэрвэгдэн хар гэрт хоригдож ахуйдаа гэргий А.Ичинхорлоодоо зориулан зохиосон гэдэг “Үзэсгэлэн гоо” хэмээх бэсрэг дууг тэд үнэн тасархай дууллаа. Баяр хүргэхээс аргагүй. Хөгжимгүй дахиулаад ч авав.

Нийслэлийн Зөвлөлтийн IX сургуулийн есдүгээр ангийн сурагч Сарантуяа сурагчийн дүрэмт хувцастайгаа анх удаа тайзнаа гарч, улмаар “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлснээс хойш гучин жил өнгөрчээ. Тоглолтын хоёрдугаар хэсэг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы ая, Б.Лхагвасүрэнгийн үг “Учралын вальс”-аар эхлэв. Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихын шидэт хурууд энэ үеэс товшуурын чавхдсан дээгүүр бүжиж, Сараагийн уянгалаг дуунуудыг жигтэйхэн хөглөөд өгөв. Нармандахын үг, Л.Балхжавын аялгуу “Тэр намайг дурсдаг болов уу” дууг шүтэн бишрэгчид нь даган аялна. Энэ тоглолтод “Нисванис” хамтлагийн дуучин, ая зохиогч Л.Энх-Амгалангийн “Мэдэхгүй”, “Тэнэг ялааны дууль” хоёр ч дуу дуулагдлаа.

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн Гончигийн Жаргалсайханы аялгуу “Хайртай шүү, би чамдаа” гэсэн тэртээх ерэн долоон оны дуугаа Сараа дуулж байна. Анзаарахад, поп хатагтай маань сонсогчдод ганц, хоёрхон л сонсогдсон дуунуудаа эргэж сэргээх маягаар дуулсан. Болохгүй нь ч юу байхав, нас тогтсон намбалаг хатагтайн тоглолт юм чинь. Дуучны хоолойг амраах зорилгоор “Uni­verse best songs” анхдугаар наадмын гран при шагналт дуучин Ч.Цэлмүүн “Хайрласан болохоор…” дуугаа өргөсөн бол дуучин Болор-Уянга “Хайр-бидний огторгуй, хайр эцсийн зогсоол”-оо сонирхууллаа. “Уучил, намайг уучил” дуу бол хэн хүний сэтгэлд шингэсэн хит дуу ажээ. Үүний дараа Мөнхбатын хөгжим “Бороо” дуунд хүмүүсийн сэтгэл нэлээд огшоод ирсэн.

Одоогоос хорин жилийн тэртээ “Хайрын бурхан чи минь хаа байна?” гэсэн Сараагийн сонгодог нэгэн дуу мэндэлсэн байдаг. Шүлгийг мөнөөхөн үүдэнд догдлонгуй таарсан Ү.Хүрэлбаатар найрагч зохиож, Д.Өлзий-Орших аялгуу тааруулж байв гэнэ. Энэ дууны хоёрдугаар анги болох “Хайрын бурхан-2” дуу хэдхэн хоногийн өмнө төрсөн бөгөөд сахал Хүрлээ ах “Дөрөвдүгээр сар Сараагийн маань хайрын бурханаа хайдаг сар” гэж тодорхойлж “гурван жигүүртэй шувуу”-г амилуулагч гурав дурсгалын зураг татуулав. “Хайрын бурхан-1” дуу хайраа хайсан утгатайг бид мэднэ. Харин түүний дүү хайраа оллоо гэсэн агуулгатай аж. “Хайрын бурхан минь чамайгаа би олсон…Хайрын бурхан чамдаа би хайртай…”. Хайрын бурхан дууны дүрсжүүлсэн бичлэг хэдийнэ гарсан гэж энэ үеэр дуучин маань хэлж байсан.

Үзэгчид “Сараагийн маань амьдрал одоо л тогтох нь” гэсэн бэлгэшээлийг хоорондоо шивэр авир хийх нь аливаа уран бүтээлийг амь-сүнстэй гэж бүрэн итгэдгийнх ажгуу. Нээрээ ч бодоод байсан Сараагийн ихэнх дуу омог бардамхан, заримдаа хуурай агсамнасан байдаг нь нууц биш. “Сэхүүн салхи”, “Хэн юм бэ чи, хэн юм бэ”, “Мэдэхгүй”, “Мартъя” гээд бүгд л нэг тийм гөжүүндүү, зөрүүддүү дуунууд байдаг. Саяын тоглолтын аясыг харж байхад дуучин маань хувь заяаны танхайрал ханхалсан уран бүтээлүүдээсээ жаахан зайгаа барьсан нь илтэд анзаарагдахаар. “Таван Богд” группийнхэн тоглолтын завсарлагаар таван янзын амтат дарсаар үзэгчдийг дайлж, нэрт дуучны дарсны бүтэн жилийн хэрэгцээг дааж буйгаа зарлалаа.

“Би жаргалтай” дууг Сараа ид сайхан дуулж байтал сонгодог маягийн хоолойнууд хоршоод ирэв. Тэгэх нь ээ, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Нюанс” сонгодог опера хамтлагийн гурав ийн хамтарч дуулсан аж. Дуучны шавь, Хонгор нутгийн охин, соёлын тэргүүний ажилтан, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн дуучин Лодойн Насанбуян багштайгаа “Чи алзахгүй” дууг хоолой нийлүүлэн дуулсан нь үзэгчдийн цөсийг хөөргөж орхисон. Энэ сэтгэл хөдлөлийн долгион түүний өмссөн гэрэлтэгч нимгэн даашинзаас ч болсон байж магадгүй. Насанбуян бол “Universe best songs” наадмын хоёрдугаар байрт шалгарч байсан авьяастан. Б.Сарантуяа энэ шавийнхаа тухай “Би ардын жүжигчин Г.Хайдавын шавь. Багшийнхаа нүдний харцаар алдаж, онож байгаагаа хэлүүлэлтгүй мэддэг. Тэрэн шиг Насаа бол миний харцыг уншдаг ухаалаг шавь минь болсонд, өдий олон жил алдаж оноход минь миний дэргэд байсанд нь хайртай. Үзэгчдийн энэ алга ташилт бол надад биш чамд зориулсан талархлын илэрхийлэл” гэж магтаад авна лээ. Уран бүтээлч авьяастанд урмын ташуур илүүдэх юун билээ.

Сараагийн дуунууд хүнд их ухаарал хайрладаг. “Хөнгөн жаргалд автаад чамайгаа би мартсан бол Хайрт минь чи уучил…” гээд аялахад л танхим тэр чигээрээ түрэх жишээтэй. Хөгжмийн зохиолч “хоовон” хэмээх Энхбаярын “Хэн юм бэ, чи” дуу байна. “Талын хөх салхи үнсэх шиг

Тайзан дуулахдаа би ганцаардах шиг

Далдын далдаас намайг дагуулах

Давтагдашгүй чи минь хэн юм бэ

Хэн юм бэ, хэн юм бэ чи

Холын холоос намайг дагуулах

Хонгор амраг минь

Чи хэн юм, хэн юм бэ чи”. Аашлаад загнаад байгаа юм шиг атлаа аргадаад зөөллөөд байдаг энэ дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар найрагч зохиож.

Тоглолт даруухан эхэлсэн шигээ намуухан өндөрлөв. Гавьяат дуучинтай нэг өдөр төрсөн азтай арван хоёр үзэгч “Жи мобайл” үүрэн холбооны компанийн гарын бэлгээр шагнуулж сэтгэл өндөр тайзнаас бууцгаав. Тоглолтын үндэсний хөгжимтэй хэсгийн хөгжмийн найруулгыг Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан сайхан найруулж, поп хэсгийн найруулгыг гитарчин Г.Буян-Өлзий дэглэсэн нь аялгуутай сайхан боллоо. Үдшийн одод тэнгэрт хотлох цагаар алжаалаа тайлж амарсан үзэгчид сэрчигнэх салхинд алгадуулан алхах зуураа “Сэхүүн салхи чи…” гэж амандаа үглэсэн шиг гэрийн зүг яаран одоцгоох нь сэтгэлийн таашаал амталсных ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Цэндоржийн Энхтөр: Аавыг минь “Монголын Бетховен” гэсэн хөгжмийн зохиолч Бямбабаяртай санал нэг байна

Ц. ЭнхтөрМонголын нэрт хөгжмийн зохиолч Г.Цэндоржийн хүү, Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Ц.Энхтөртэй уулзаж ярилцлаа.

-Таны аав хөгжмийн зохиолч Г.Цэндоржийг ард түмэн “Хөөрхөн хүүхэн болж уу, би” дууг зохиосон гэдгээр сайн мэднэ. Аав тань аль нутгийн хүн билээ. Одоо хаана аж төрж байна?

-Миний аав Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул хүн. Аав минь Сэлэнгэ аймагт аж төрж байна. Ирэх жил ерэн насных нь ой болох юм. Аавын яриагаар бол ээжийгээ хүн болсоор хараагүй, айлын өргөмөл хүүхэд юм билээ. Гэндэн гэдэг айлын өргөмөл хүү нь болж бага насаа хөдөө нутагтаа үдсэн байдаг. Улаанбаатар хотын нэгдүгээр сургуульд суралцаж төгсөөд ЗХУ-ын Ленинградын хөгжмийн дунд сургуульд очиж Оросын их хөгжмийн зохиолч Шостаковичийн гарын шавь Г.Уствольскаяд шавиар орж хөгжмийн өндөр боловсрол эзэмшсэн байдаг. Оросын аугаа их хөгжмийн зохиолч Шостакивич дэлхийд ямархуу зиндааны хүн билээ дээ. Тэр хүний гарын шавийн шавь байсан гэхээр аав минь нэг талаар азтай, бас тэр агуу хүний арга барилыг уран бүтээлдээ тусгасан хөгжмийн зохиолч юм.

-“Дуулим талын цэцэгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” дуугаа хэрхэн зохиосон бол?

-Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуай энэ дууныхаа талаар их сайхан дурсамж өгүүлсэн байдаг л даа. Нямаа найрагч Хүн эмнэлгийн техникум төгсөөд Дундговьд бага эмчээр ажиллаж байхдаа 1961 оны тавдугаар сарын эхээр “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” хэмээсэн үгтэй шүлэг бичиж. Ахынхаа шахалтаар эзэмшсэн эмчийн мэргэжлээсээ урваж, өөрийнхөө хүслийг дагаж ЗХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явахаар хөөцөлдөж явахдаа “Утга зохиол, урлаг” сонинд нөгөө шүлгээ өгсөн байж. Шүлэг наймдугаар сарын дундуур сонинд хэвлэгдэж, тэр үед Дорнод аймагт ажиллаж байсан миний аав, хөгжмийн зохиолч Г.Цэндорж автобусанд сууж яваад суудал дээр гээгдсэн “Утга зохиол, урлаг” сониноос уг шүлгийг олж үзсэн гэдэг.

Аав “Дугуй толины өмнө дахин дахин эргэлдээд

Дурлалын дуу аялаад гадаа гармаар байх чинь

Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд унштал ая нь сэтгэлд урсаад ирсэн гэдэг. Тэр дор нь аяа ноотолж Улсын ардын дуу бүжгийн чуулгын дуучин Г.Түмэндэмбэрэлтэй уулзаж дуугаа өгөөд явсан байгаа юм. Г.Түмэндэмбэрэл гуай авсан даруйдаа дуулж, Монголын радиогийн алтан фондод есдүгээр сард бичүүлжээ.

-Тэр дуу нь дорхноо л олон түмэнд түгсэн юм байх даа?

-Энэ тухай яруу найрагч Долгорын Нямаа “Би шүлгээ сонинд хэвлүүлчихээд хойшоо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явсан. Наймдугаар сарын 20-дын үед намайг явахад дуу болоогүй байсан. Сургуульдаа ороод удаагүй байхад “Шүлэг чинь дуу болчихож, радиогоор явж байна” гэсэн захиа ирсэн. Энэ мэдээ надад таатай санагдаагүй. Одоо хүн бүр дуу бичих гээд байдаг болж. Тэр үед яруу найрагчид дуу бичихийг хөнгөн шингэн, ойр зуурын ажил гэж үздэг байсан. Дууны үг бол тааруухан юм байдаг. Сайн шүлгэнд ая хийх нь хоёрын хооронд болгочихдог гэсэн ойлголттой. Тийм учраас хайран шүлэг болж дээ гэх ухааны юм бодож байлаа. Олон жилийн дараа бодоход энэ шүлэг дуу болоогүй бол одоо болтол “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би” гээд уншаад зогсож байх хүн байхгүй биз. Дуу болсон болохоор жараад жил хүмүүс аялж байна” гэж дурссан байна лээ. Аавын минь энэ дуу ямартаа ч их л хурдан олон түмэнд хүрсэн байгаа юм. Миний аав насаараа л урлагт зүтгэсэн хүн. Хийсэн бүтээсэн зүйл их шүү.

-Аавынхаа анхны уран бүтээлүүдийн талаар яриач?

-Анхны уран бүтээл гэхээсээ илүүтэй аавын уран бүтээлүүдийг ерөнхийд нь базаад дүгнэхэд таван том симфони гээд хөгжмийн томоохон бүтээлүүд олон бий. Оратари, ари нэлээд олныг зохиосон. Билгүүн номч Бямбын Ринчен гуайн орчуулгын шүлгээр “Хүн ард аа, би та нарт хайртай” гэдэг оратари байна. Бас “Бэр цэцэг” найраглалаар хийсэн оротари байдаг. Аавын уран бүтээлүүдийн гармони буюу дуурьсахуй нь тухайн цаг үеэсээ түрүүлчихсэн билгүүн авьяастан байсан. Урлагийн нарийн нандин мэдрэмжтэй улс энэ тухай нь “Цагаасаа түрүүлээд төрчихсөн, цагаасаа түрүүлээд юмаа хийчихсэн хүн” гэж ярьдаг юм. Тухайн үед нь уран бүтээлийг нь ойлгоогүй. Харин одоо мэргэжлийн нүдээр харахад урлагт нэлээд зүйл хийсэн байгаа юм. Би судлаач хүн биш л дээ. Гэхдээ ари, романсын үндэслэгч гэж мэргэжлийн дуучид аавыг минь үнэлдэг. Найдалмаа багш маань ч тэгж хэлж байсан удаатай. Урлагт оруулсан аавын минь хувь нэмэр өндөр гэж хүүгийн хувьд ч, хөгжимчний хувьд ч бодож явдаг даа. Зундуйн Хангалын концертыг би тоглодог. Хангалын хөгжмийн суурийг анхлаад Монголд суулгасан хүн гэж аавыгаа би бардам хэлж чадна.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаяр “Г.Цэндорж хөгжмийн зохиолч бол хоортой симфонийг хөгжмийн урлагт оруулж ирсэн Монголын Бетховен яах аргагүй мөн” гэж байсан. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Би наадах үгтэй чинь санал нэг байна. Симфони хэмээх хөгжмийн тэр том төрлийг найрал дуутай хослуулж чадсан нь гайхамшиг. С.Зориг агсныг харамсалтайгаар амь үрэгдэх үед зохиосон нэг симфони нь өнөөг хүртэл тоглогдоогүй байгаа. Намайг хүүхэд байхад нэг яриа яригддаг байсан л даа. “Сайн хөгжмийн зохиолч бол зохиолоо бичээд орхидог. Зохиолоо тоглуулах гэж гүйдэггүй юм. Харин сайн хөгжимчид зохиолыг нь тоглодог” гэсэн бичигдээгүй хууль ч гэх юм уу яригддаг байсан. Энэ зарчмын хувьд уг нь зөв л дөө. Гэхдээ Монголын өнөөгийн нийгэмд хэр зохилтой зарчмыг би хэлж мэдэхгүй. Би аавынхаа шударга зарчмыг л үргэлж хадгалж, үргэлжлүүлж явахыг хичээдэг. Манай аав өөрөө зөвхөн хөгжмийн зохиолч төдийгүй яруу найраг, онол, шүүмжлэл их бичдэг байсан. Тухайн үеийн урлагт болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг шударга биччихдэг байсан хүн. Тэр зарчмыг нь л баримталж явахыг хичээдэг. Энэ нь жаахан өвлөгдсөн байж магадгүй юм.

-Аавын чинь “Дорнод Монголын магтаал” гэж алдартай дуу байдаг байх аа?

-Аавын үг, ая “Дорнод Монголын уудам тал минь юутай сайхан бэ” гэдэг энэ дууг “Нисванис” хамтлагийн ахлагч Энх-Амгалан сайхан дуулсан шүү.

-Цэндорж гуайг би гавьяатаа аль эрт авчихсан хүн гэж боддог. Гэтэл өдий ерэн насны босгон дээр ирсэн, өчнөөн алдартай дуунууд зохиосон, симфони зэрэг хөгжмийн томоохон бүтээлүүдтэй атлаа нийтийн дуучдын ганц дуу дуулаад авдаг соёлын тэргүүний ажилтны л тэмдэгтэй хүн гэхээр үнэндээ их гайхал төрж байна шүү?

-Соёлын тэргүүний ажилтан, дээр нь “Алтан гадас” одонтой хүн шүү, миний аав. Зарим хүн хэдээр нь бол хэдээр нь зүүчихсэн явдаг шагнал ёолкны тоглоом биш байх л даа. Шагнал бол шагнал юм. Жинхэнэ уран бүтээл хийсэн хүнд бол урмын ташуур яах аргагүй мөн. Нэг дуу аялчихаад арын хаалгаар авсан хүнд бол юу ч биш байх л даа. Аав их шударга хүн байсан. Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг, “Учиртай гурван толгой” дуурийг хүртэл мэргэжлийн үүднээс хурцхан шүүмжилж байсан байдаг. Тэр хяхуугаар одоо хүртэл хавчаад өгөөгүй юм болов уу гэж санагддаг. Гавьяатыг нь өгсөн, өгөөгүй хийсэн бүтээл ихтэй хүн л дээ.

-Ээж чинь хаанахын хүн байна?

-Дорнодын Сүхбаатарын хүн. Дорнод аймгийн театрт байхдаа аавтай танилцаж ханилсан юм билээ. Аав энэ театрт ажиллаж байхдаа олон уран бүтээл хийсэн байдаг.

-Та эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Бид наймуулаа ч зарим нь орчлонгоос эрт буцсан даа. Аавын мэргэжлийг өвлөсөн гэвэл манай эгч, бид хоёр.

-Та аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн. Багаасаа л төгөлдөр хуурч болохыг мөрөөддөг байв уу?

-Дөрөв, таван настайгаасаа л урлагт татагдсан даа. Аав минь хөгжмийн зохиолч. Гэрт ийм урлагийн орчин байсан болохоор нэг л мэдэхэд хүнээр заалгалгүй, сонсголоороо төгөлдөр хуур тоглоод сурчихсан байлаа. Тухайн үед найман настай хүүхдийг Хөгжим бүжгийн дунд сургуульд оруулдаг байлаа. Хамгийн анхны хөгжим заасан багш минь Монголын нэртэй төгөлдөр хуурч, ардын жүжигчин Т.Цолмон. Цолмон багш маань төгсөж ирээд хоёр гурван л жил болж байсан байх. Хөгжим бүжгийн дунд сургууль дүүргээд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит консерваторын сургуулийн дэргэдэх тусгай мэргэжлийн хөгжмийн академик сургуульд ОХУ-ын гавьяат жүжигчин Т.В.Галицкаягийн удирдлага дор суралцсан.

-Таныг Монголын тэргүүн зэргийн төгөлдөр хуурч гэдэг юм билээ. Үүнийг та магтаалын цаасан малгай гэж боддог уу, мэргэжлийн өндөр үнэлгээ гэж боддог уу?

-Хөгжимчний хувьд номер нэг, номер хоёр гэсэн зэрэглэл байхгүй л дээ.

-Паганин бол Паганин л байсан гэх гээд байна уу?

-Төгөлдөр хуурчийнхаа хувьд Цэндоржийн Энхтөр бол Энхтөр л байхгүй юу. С.Сансаргэрэлтэх бол Сансаргэрэлтэх, С.Саянцэцэг бол Саянцэцэг л юм. Үүнд нэг, хоёрдугаарт гэсэн гурил шиг дугаарлаад байх шаардлага огт байхгүй. Бид өөрсдийн гэсэн орон зайтай, онцлогтой л хөгжимчид. Ер нь төгөлдөр хуур тоглох нэг өөр хэрэг. Чайковскийн сургуульд гэхэд манай ангид гучин хүүхэд сурч байсан. Бүгдээрээ мэргэжлийн хөгжимчид болж чадаагүй.

-Та хаанахын тайзууд дээр тоглож байв?

-ОХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн Хөгжмийн дээд сургуулийн их, бага танхим, Одессын Филармони, Украйн, АНУ-ын Чикаго хотын хөгжмийн их танхим, Япон улсын Токио хотын “Сантори” концертын танхим, Ёкохама хотын төв концертын танхим, Хамамацу хотын “Шопен” концертын их танхим, БНХАУ-ын Бээжин хотын Хөгжмийн дээд сургуулийн концертын их танхим, ӨМӨЗО-ны Хөх хотын Урлагийн их сургуулийн концертын танхим зэрэг дэлхийн томоохон концертын танхимуудад тоглосон тоглолтуудыг дурдаж болох юм. Тоглосон бүтээлүүдийн хувьд гэвэл дэлхийн сонгодог хөгжмийн суутнуудын төгөлдөр хуурт зориулсан концертуудаас гадна Монголын хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, Г.Цэндорж, Х.Билэгжаргал, З.Хангал нарын төгөлдөр хуурт зориулсан концертыг ДБЭТ-т тоглож, цомог болгон гаргаж байсан даа.

-Таны тоглож олны хүртээл болгосон ямар цомгууд байна?

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын Монгол ардын дуунуудын найруулга болох “Түмний эх”, “16 цуврал бүтээл”-ээр бие даасан хоёр ч цомгийг гаргасан. Анх удаа Монголд симфони оркестрын тоглолт бичүүлж анхны цомгоо гаргаж байлаа. Түүх болоод л үлдэх байх.

-Анхны бие даасан тоглолтоо 1992 онд тоглож байж. Тухайн үед сонгодог хөгжмийн тоглолт хийхэд бэрхшээлтэй л байсан байлгүй?

-1992 оноос цэвэр бие даасан тоглолт хийж эхэлсэн. Тухайн үед биднийг тайзан дээр тоглоход хөгжмийн зэмсэг их ховор байлаа. Байсан хөгжмийн зэмсгүүдийнх нь хөг нь буучихдаг ч юм уу. Тиймэрхүү байдалтай л байсан. Би зөвхөн Европын хөгжим тоглоод байх биш, Монголын мэргэжлийн хөгжимчдийн бүтээлүүдээс бас тоглох шаардлагатай гэж боддог. Анхны тоглолтоо “Венийн сонгодог” нэртэйгээр тоглож байлаа. Венийн сонгодог хөгжмийн гурван сонат тоглож байсан санагдана. Сонат гэдэг чинь хөгжмийн том хэлбэрийн зохиол шүү дээ. Номоор бол роман гэсэн үг юм даа. Ингэж л анхны гараагаа эхэлсэн.

-Өнөө орой тоглогдох “Цэндоржийн Энхтөр-20 жил” төгөлдөр хуурын тоглолт чинь гайхамшигтай болох болтугай гэж уран бүтээлийн амжилт хүсье.

-Тоглолт маань Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт 19 цагаас болно. Их хөгжмийн зохиолч В.А.Моцарт, Ф.Шопен, Э.Григ, С.Прокофьев, Монголын хөгжмийн зохиолч З.Хангал нарын төгөлдөр хуур, симфони найрал хөгжмийн таван концерт тоглогдоно. Монголд анх удаа ийм том хэмжээний таван концерт тоглогдож байгаагаараа онцлог юм даа. Тоглолт 120 минут үргэлжилнэ. Тоглолтод А.Энх-Амгалан, Б.Золзаяа, М.Хүсэл нар оролцохоос гадна ардын жүжигчин, төрийн соёрхолт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн Симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдашийн удирдсанаар тоглох юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Санжийн Пүрэв зохиолчдоо тусалцгаая!

Санжийн Пүрэв хэмээх хүүрнэл үгийн их туурвилчийн бүтээлийг хүүхэд ахуй наснаасаа уншиж ухааны сүв нээгдсэн хүн олон бий. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч С.Пүрэв “Эх газрын чулуу”, “Эргүүлэг”, “Цагийн урсгал”, “Усны гудамж”, “Алаг заяа” зэрэг арваад роман туурвиж олны хүртээл болгосон эрхэм. Бичгийн их хүмүүний “Уулын намар”, “Их усны хаялга”, “Гурван говийн зэрэглээ”, “Сүүдэр догшрох цаг”, “Айлын бүсгүйг мартахгүй”, “Гэрэлт маргаашаа угтахсан”, “Ухаарч амьдрах орчлон”, “Тэнгэрийн сум зүрхэнд тусдаг”, “Тоглоомын тойрог” зэрэг уянгын олон арван туужийг уншигчид мэднэ. “Азын цэнхэр уул”, “Усаа дагаж жаргана”, “Дайны жилийн хүүхэд нас”, “Гандиймаа нутагтаа бий” зэрэг зуу зуугаар тоологдох өгүүллэг бичсэнээс зарим бүтээлүүд нь орос, хятад, англи, франц, испани, вьетнам, япон зэрэг хэлнээ орчуулагдсан байдаг.

Түүний “Суварган цэнхэр уул”, “Загийн алим”, “Мартагдсан дууль”, “Салж чадашгүй хайр”, “Тэнгэр мэднэ” бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хувьсгалын өлгий нутаг”, “Илч гэрлийн эзэн”, “Нарны орон Алтай” баримтат кинонууд үзэгч олны талархал хүлээдэг. Харамсалтай нь, Говь-Алтайн Дарвийн уугуул Санжийн Пүрэв зохиолч “сахарын” хэмээх аюулт өвчинд нэрвэгдээд бие лагшин нь ихэд чилээрхжээ. Эмчилгээний зардалд нь зуу орчим сая төгрөг шаардлагатай гэж ойр дотныхон нь ярьж байна. Монголчууд бид “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн сайхан сэтгэлтэй улс. Хүүрнэл үгийн их туурвилчийн ном бүтээлийг үр хүүхдийнх нь 96366056, 99040249 дугаарын утсаар холбогдон авч болохоос гадна “ХААН” банкны 5034402911, Төрийн банкны 10320015092 тоот дансанд сэтгэлийн хандиваа өргөж болох аж. “Олны хүч оломгүй далай” гэдэгчлэн монгол түмнийхээ сэтгэлийн их дэмээр Санжийн Пүрэв баавай минь аюулт өвчнөөс ангижирвал уран бүтээлийн их онгодоор ач юуг нь хариулах сэтгэлийн гэрэлтэй нэгэн билээ л.

Categories
мэдээ цаг-үе

Балжирын Догмид: Алтанширээгийн бага сургуулиас нохойгоо даган оргож гүйсээр гэртээ харьж байсан

Түрүүч нь ¹072,073 (5337,5338) дугаарт

Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Балжирын Догмидтой ийн хөөрөлдлөө.

-Орчин үед хүн чанараас илүү боловсрол мэдлэгээр нь л хүнийг үнэлдэг болчихсон юм биш үү?

-МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэж маш өндөр боловсролтой хүүхэн эртээд зурагтаар ярьж байна. Шашны сургуулиас бусад бүх сургуулийг л дүүргэсэн, намын бодлогоор төрийн өндөрлөгт бэлтгэгдсэн шахуу бэрх амьтан юм байх. Ярихыг нь сонслоо. Тэр хүүхэн эгэл бор амьдрал болоод эргэн тойрондоо монгол хүн яаж аж төрж буй талаар ямар ч мэдээлэлгүй, огтхон ч сонирхолгүй цэвэр онолын юм ярих юм. Зүгээр л зурагтаар бидэнд хичээл зааж байна. Америкт л заалгасан юмаа ярьж байх шиг байна. Би аягүй их харамссан. Тэр УИХ-д намын жагсаалтаар гарах байх л даа. Тийм хүн гарч ирээд, хэчнээн гайхалтай эрдэм номтой байлаа чиг тэрний гар ард түмний толгойд хүртэл мөн ч их удна даа. Богдын сунтагны адис бол харин ард олны тэргүүнд цонхоор ч гэсэн хүрч байсан юм шүү. Нэг их шагналын донтой эрэгтэй хүнийг хараад “Энэний энгэр дээр Эхийн алдар одон л алга” гэж байсан гэдэг шиг тэрүүнд төгсөөгүй сургууль гэж алга аа. Дөрөв, таван л сургууль төгссөн юм байх.

-Хоосон онол ярьсан хүн ч ардын бор амьдралын хөрсөн дээр бууж иртэл ч хол байх шүү?

-Өнөө үед боловсрол, мэргэжил хоёрыг холиод байх юм. Дээд сургууль төгссөн хүнийг боловсролтой хүн гэх үү. Их эмч хүн боловсролтой байгаад юу шальдаг юм. Хэдэн эмийн нэр, хэдэн өвчний онош мэдэх төдий л байдаг биз дээ. Эмч хүнд ямар боловсрол байна. Боловсрол гэдэг чинь тухайн хүний амьдралын гүнээс ухамсартайгаар түүж авсан, шинжлэх ухаанаас олж авсан, эгэл бор амьдралаас таньж мэдэрсэн мэдээллийг л хэлж байгаа шүү дээ. Тэрнээс дээд сургуулийн дипломтой бүхнийг боловсролтой гэхэд хэцүү. Манай улсын анхны дөрвөн Ерөнхий сайд ямар дээд сургууль төгссөн юм. Унаган монгол гэрийн боловсролтой төвд, жагарын төв таван ухаанд нэвтэрсэн манж, хятад, орос хэлтэй агуу амьтад байсан. Тэдний багш нь гэхэд агуу амьтад байлаа. Хорин багшийн номыг нэг хүн зааж байсан байхгүй юу. Хөргөлтийн инженер хүнийг боловсролтой гэхэд хэцүү. Би Н.Багабандийг хэлж байгаа юм биш л дээ. Хөргөлтийн инженер хөргөлтөө л мэднэ.

-Боловсролд ойрхон мэргэжил байна уу?

-Байна. Санхүү, эдийн засгийн мэргэжил гэхэд тойруу замаар яах аргагүй боловсролд ойртож, ард түмэнд ач тусаа өгдөг.

-Та ч өөрийнхөө санхүүч мэргэжлийг л жишээ татаад өөд нь татан ярьж байх шив?

-Маркс гэдэг хүний бичсэн “Нэмүү өртгийн хууль” гэхэд л социализмын үед нь ч явж байсан. Капитализмын үед нь ч явж л байх ойлголт. Энэ ойлголт хэзээ ч өөрчлөгдөхгүй, нэмүү өртгийн хуулиар л ухаантай, тэнэг аль ч нийгэм явна. Монгол Улсын боловсролын их сургууль гээд байж байгаа. Бусад сургууль нь тэгээд боловсролгүй, боловсрол олгодоггүй юм байна л даа. Бусад нь боловсрол олгодоггүй мэргэжил олгодог юм болов уу гэж бодогдохоор. Монгол хэл, уран зохиолын багш, хэлний улс бусад мэргэжлийнхнийг бодвол хорвоогийн явдлыг алган дээрээ дэнсэлсэн, арай л нэг зөөлөн сэтгэлтэй хүмүүс байдаг юм. Тэр талаасаа тэгж нэрлэсэн ч юм болов уу. Дунд сургуулийн түүхийн хичээлийн хөтөлбөрийн хэмжээнд ярьдаг мөртлөө төрийн шагнал авчихсан түүхийн эрдэмтэн хүн байх юм. Батсайхан гэдэг ч бил үү.

-Оохнойн Батсайхан юм болов уу?

-Тэрийг ярих болгонд л үг сонсох гээд чих тавиад зурагтаа харах юм. Миний мэддэг хэдхэн юмыг л яриад ерөөс болохгүй юм. Миний сонссон дээр нэмэх юм тэр хүнд алга. Нэмж байгаа нь болохоор Оросын хаант засгийн тагнуулч Коростовецийн хөшөөг л ДСНК-гийн тэнд босгох шив дээ. Монгол Улсад их дайсагнаж байсан тэр хүнийг л Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдэхэд их хувь нэмэр оруулсан, жанжин Сүхбаатараас л илүү хүн байсан ухааны юм яриад байдаг юм. Тэрний оронд Барон Унгерний хөшөөг босгочихсон бол хамаагүй дээр байсан юм. Барон Хүрээг чөлөөлж, Богд хааныг гамингийн шоронгоос сулласан ачтай хүн. Үгүй ядахнаа л МОНЦАМЭ-гийн байрны энд байсан өндөр хогийг гамингуудаар зөөлгөж цэвэрлүүлсэн гэж байгаа. Өндөр хог гэж дээшээ харсан хүний толгой эргэж, оройг нь харах гэсэн хүний малгай унамаар тийм их хог байсан гэдэг шүү дээ. Яахаараа ч тийм их хогтой байсан юм. Түүхийн ийм үнэнийг бичихгүй мөртлөө шал ондоо хүнд гавьяа тохож байдаг яачихсан ч эрдэмтэн юм. Би чинь Дорноговийн Алтанширээгийн бага сургуулийн хоёрдугаар ангиас нохойгоо дагаж оргосон хамгийн бага боловсролтой хүн шүү дээ.

-Нохойгоо дагаж оргодог нь яаж байгаа юм бэ?

-Яах юу байх вэ, сургуулиасаа л зугатаж байхгүй юу. Нохойныхоо хүзүүвчин дээрээс бариад л хөдөө гэр өөдөө өртөө шахам газар гүйхгүй юу.

-Төрийн шагналт хүн тийм ч хэмжээний байх гэж дээ гэж халаглаад байгаа юм аа даа?

-Би төрийн соёрхлыг 1993 онд авсан. Ард түмнээр бүтэн жил хэлэлцүүлж, радио телевизээр яриулж байж, гуч гаруй хүнээс явсаар явсаар байж яруу найрагч Долгорын Нямаа, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатар, “Тэмээний уралдаан”-ыг зохиосон хөгжмийн зохиолч Дундговийн Цогзолын Нацагдорж, Ж.Хайрулла эмчийн багийнхан бид шалгарч арайхийж нэг юм авч байлаа. Одооны хэлээр сунгаа гэдэг юманд нь орсоор байгаад л үлдсэн хэрэг. Одоо төрийн шагналыг ямар журмаар олгож байгааг бүү мэд. Би гэхэд төрийн шагналаас гурав мултарч байж л сүүлчийнхээ дэвшүүлэлтэд л торсон хүн. Төрийн шагналд анх дэвшихдээ хийлгэсэн дээлээ өмсөөгүй. “Төрийн шагнал авахгүй бол энэ дээлийг өмсөхгүй” гэж өөртөө андгайлаад, дуудсан цагт нь өмсөх гээд далд хийчихсэн. Гурав дахь удаагаа нэр дэвшиж шагналаа авахдаа өмссөн дөө. Төрийн шагнал, одон медалийг ийм л өндөр шалгуур давж байж авдаг байсан юм. Авах ёстой хүн зөндөө байна.

-Зохиолчдоос гэхэд ямар хүн байна?

-Дамдинсүрэнгийн Урианхайгаас уруудуулаад зөндөө. Манай Урианхай ч тэгээд адасга шиг адайр зантай хүн юм. Энэ нийгэм, төртэй байтугай өөртэйгөө ч тэрсэлдэж, тэмцэлдэж явдаг хүн. Ямар сайндаа л Ганц хүний хөдөлгөөн хүртэл байгуулж байх вэ дээ. Ганц хүний хөдөлгөөн байгуулахад нь Дөнгөтийн Цоодол очоод “Чи өвдөж зовж болно, гадаадад цагаачилж болно. Ядаж хоёр хүний хөдөлгөөн болгочих” гэж нохойтсон чинь “Ганц хүний хөдөлгөөн бол ганц хүний хөдөлгөөн. Хоёр болчихвол санал хуваагдана” гээд хөдлөөгүй гэж байгаа.

-Хүн өөрийн бодолдоо үнэнч байх ч маш чухал чанар шүү?

-Дээхнэ үед үзэл суртал гэж ярьдаг байсан. Үзэл суртал ер нь хэнд ч хэрэгтэй. Үзэл сурталгүй бол чи бид хоёр зангиа зүүгээд яах юм бэ. Энгэрээ задгайлаад танхай маягаар явж бай л даа. Үсээ засуулахаа больчихоод сэгсийгээд явж байя л даа. Үзэл суртал гэдэг чинь юмыг байранд нь байлгахыг л хэлж байгаа юм. Хурал хийсэн ч сайхан ширээ сандал засчихвал ямар сайхан харагдах вэ. Одоо болохоор индрийг аваад хаячихаж байгаа юм. Тэрнээс болоод үзэл суртал байхгүй болно гэж байхгүй шүү дээ. Модон индэр л нэг их хүнд суртал, хуучин нийгмийн төлөөлөл болох юм гэнэ. Зүгээр л хүн ярих зориулалттай эд шүү дээ.

-Монгол Улс Оюу, Таван толгойгоороо баяжна гээд нэг хэсэг шуугдаг байсан. Одоо нэг л нам гүм болоод, хөөрөл нь намжиж. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Би нэг муу сампингийн нягтлан ухаантай. Миний тухай Сүхбаатар гэдэг шүлэг бичдэг зураач нөхөрсөг шог тавьсан байсан.

“Төгссөн сургууль байхгүй мөртлөө

Төрийн шагнал авсан

Сампингийн нягтлан хэрнээ

Сангийн сайдын зөвлөх байсан” гэж бичсэн байна лээ. Тэр үнэн. 2008 онд Сангийн сайд Ч.Улааны хэвлэл мэдээллийг нь хариуцаж байсан. Зөвлөхдөө ч зөвлөнө. Улс орны төлөө санаа зовниж л явлаа. Анх Оюу толгой, Таван толгойн гэрээг төрийн гурван сайд яаж сүр бадруулж байлаа. Хорин мянган хувьсагчтай, ертөнцөд байхгүй гэрээ гээд С.Баярцогт сайд хөөрөөд л, зээлж авсан мөнгөнийхөө тоог гаргаад л “Монголчуудад энэ бол нар мэт гэрээ. Энэ гэрээний буянаар монголчууд гар ганзаганд хөл хөсөр жинхэнэ жаргана. Үзээгүйгээ үзэж үхэр цамаа харайна. Хэдэн үеэрээ жаргана” гээд байсан. Одоо юу ч байхгүй. Одоо Оюу толгойн талаар арван таван жил тийшээ горьдлын нүдээр харах хэрэг байхгүй. Би үүнийг эдийн засагчийн мэдлэгээрээ биш уран бүтээлчийн тэмтрүүлээрээ мэдэрч, харж байна. Монголын энэ их өрийг юугаар дарах юм. Газар нутгаа л өгнө шүү дээ. Өмнөговийг хар л даа. Монголын газрын зураг дээр Өмнөговь байж байгаа боловч яг нарийндаа гадны нутаг болчихсон шүү дээ.

-Үгүй байлгүй дээ?

-Монголын талын хөрөнгө оруулалт тэнд алга. Гадныхан тэрийг чинь аль хэдийнэ авчихсан, Лондонгийн бирж дээр барьцаанд тавьчихсан явж байна шүү дээ. Өмнөговийн Ханбогдод тэр жил явж байхад модон торхтой тэмээ хөтөлчихсөн нэг өвгөн таарсан. Зам асуух гээд давхиад очлоо. Тэмээнд ачаатай усны торхныхоо дээр ямаа шиг юм тэгнэчихсэн харагдахгүй юу. “Та юун ямаа тэгнээ вэ” гэсэн чинь “Ямаа биш ээ, манай нохой” гэлээ. “Яасан нохой юм” гэлээ. “Ус авах гээд явсан чинь манай муу хөгшин банхар дагаад. Дагуулаад явж байсан чинь гай болоод бутны доороос туулай босоод. Энэ муу чадлаа мэдэхгүй хойноос нь давхиад гүвээ давлаа. Гүвээн дээр гараад ирсэн чинь бахардаад ухаан алдаад хэвтэж байхгүй юу” гэж байна. “Яагаад нохой чинь бахардаа вэ” гэсэн чинь “Яахав, энэ замын шороонд астам тусаад хуцаж ч чадахгүй болсон юм. Одоо тэгээд арай чинээ массаж хийж ам хамрыг нь үлээх шахан байж амьсгааг бөглүүлчихэлгүй шиг торхон дээрээ ачаад явж байна” гэж байгаа юм. Үдэш боссон шороо өглөө болтол газар буудаггүй. Ямар аюултай гээч.

-Засмал зам тавьсан санагдаад байх юм?

-Зам тавиад арай дээрдсэн. Монголын газар нутгийн далан хувь нь халцраад цөлжиж байна гээд яриад байгаа. Аргагүй шүү дээ, газрын хэвлийг нь өрлөсөн хонь шиг дэлгээд яраад хаячихаар чинь тэнд байгаа ус ууршаад алга болохгүй яадаг юм. Ингээд л Монгол орны байгаль сөнөж сүйрч байгаа юм. Орхоноос Таван толгой руу ус урсгаж нүүрс угаана гэсэн хаа байна. Хэрлэнгээс урагш нь суваг татна гэсэн хаа байна. Хаа ч байхгүй. Дорноговьд Аж үйлдвэрийн парк байгуулна гээд байсан. Одоо юу болов гэсэн чинь баахан мөнгө идсэн улс түрүүчээсээ шоронд явж байна. Дорноговьд боловсруулах үйлдвэр байгуулна гээд гадаад, дотоодын баахан хүн төсвийн мөнгө идээд хөрсний шинжилгээ хийгээд байна л гэсэн. Одоо хар. “Хөрс нь цэвдэгтэй юм байна” гээд сууж байгаа юм.

-Та унаган хүүгийн хувьд төрсөн нутаг Дорноговио харин ч нэг сайн мэдэх байлгүй дээ?

-Дорноговьд хэзээ ч цэвдэг байхгүй. Тэр хонхор чинь тэр чигээрээ газар доор зуу гаруй жил нүүрс нь шатаж байгаа, өвөл цас тогтдоггүй зэрэглээтээд байж байдаг. Зээр гөрөөс дулааныг нь бараадаад ирдэг газар үхсэн үлийнийх нь цэвдэг байх вэ дээ. Одоо ахиад мөнгө идэхийн тулд хааш хаашаа гучин километр газарт хайгуул хийхээр боллоо гэнэ. Ингэж л улсын мөнгийг иддэг байхгүй юу. Нөгөө таван том үйлдвэр хаа байна. Утаатай ч гэсэн Улаанбаатар маань хөгжиж байна. Монголын хүн амын тал нь амьдарч байгаа Алтан тэвшийн хөндийг Эрдэнийн Бат-Үүл хөгжүүлж л байна.

-Бат-Үүл гуайг “Юу ч хийсэнгүй” гээд хүн амьтан их л муулах юм байна шүү дээ?

-Өөрсдөө юм хийдэггүй хүн л өрөөлийг шүүмжилж байдаг. Далай лам хүртэл дайсантай байхад Бат-Үүлд дайсан байлгүй яах вэ. Дандарын хорооны комиссар байсан, сая улсын баатар болсон Шагдарсүрэн “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо “Дандар архичин, тамхичин байсан. Сагсуу хөөрүү амьтан. Монголын морин цэрэг атаканд ороод япон цэргийн толгойг цавчиж байсан гэдэг үлгэр” гээд ярьж байна. Дандарыг Жуков яаж үнэлж байлаа. “Гайхамшигтай, жинхэнэ дайны баатар” л гэж байсан. Арван мянган хүнтэй Баргын шигшээ морин хороо сэлэм гялалзуулаад орж ирэхэд манай монгол цэрэг л байлдсан шүү дээ. Хамт явсан, дэргэд нь давхиж явсан дивизийн комиссар хүн амьд үлдчихээд сайн хүн гэхээ байг гэхэд муу хүн гэж муулаад байж болохгүй биз дээ.

-Амьдын зол, үхсэний хохь гэдэг шиг нээрээ л хүн чанаргүй муухай үйлдэл юм даа?

-Монголчууд ийм л “үхэж байсан” зантай учраас хөгжихгүй байгаа юм. Тэрнээс биш монголчууд ямар гайхамшигтай авьяас чадвартай билээ. Бөхчүүд, тамирчид, дуучид, хөгжимчид, циркчид, нугараачид дэлхийд үнэн гайхуулж чадаж байна. Гуравхан сая хүнийг гурван зуун мянга нь л тэжээдэг гэж байгаа. Бусад нь хүүхэд, хөгшид, ажлын чадваргүй хүмүүс. Галт тэргээр бол хөдөлгүүр, хөгжлийн түлхүүр болсон ийм цөөхөн хүн айл бүрт чи бид хоёр шиг л ганц ганц байдаг байхгүй юу. Бусад нь хойноос нь чирэгддэг. Өнөөдөр авгай хүүхнүүдтэй хоолны хэрүүл хийдэг мөртлөө сүрхий улстөрждөг улс олон байна. Ийм л улсаас хэн ч байсан холхон л байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Хайрулла: Мэс засалч эмч нар нохойд барьдаг мод биш, үгүй ядахдаа цалин хөлсийг нь нэмүүлмээр байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, төрийн шагналт, академич Ж.Хайруллатай уулзаж хөөрөлдлөө.

-Монгол Улсад анх удаа орос эмч мэс засал хийсэн гэдэг бил үү?

-Улаанбаатарт буюу Да Хүрээнд 1924 онд Оросын их эмч П.Н.Шастин хожмоо ардын жүжигчин болсон Нямын Цэгмидийн толгой дээр бугласан хатгийг хагалан эдгээж, мэс заслын анхны эмчилгээг эхэлснээр өнөөгийн Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг болтлоо 90 гаруй жилийн түүхт замыг тууллаа. Монголын эрүүлийг хамгаалахын салбарын түүхэнд тодорхой нэртэй, мөртэй бахархам түүхийг ахмад үе маань бүтээсэн. Эх орондоо төдийгүй гадаадын олон оронд алдар нэрээ мөнхжүүлсэн академич В.Ичинхорлоо, Т.Шагдарсүрэн, дэд хурандаа Дамбийням нарын алтан гарт эмч, эрдэмтдээрээ бид бахархдаг юм. Мэс засалчийн мэргэжлээр олон олон эмч мэргэжилтэнг сургаж бэлтгэснээр Монголын өргөн уудам нутгийн өнцөг булан бүрт аж төрж байгаа ард олондоо шаардлагатай тохиолдол бүрт мэс заслын тусламж үзүүлж, эмчилгээ хийх боломж бүрдсэн нь сайн хэрэг шүү. Гэвч, сүүлийн хорь гаруй жилд Монголын эрүүлийг хамгаалах салбар болоод түүний үйл ажиллагаа нийгмийн хөгжлийн өнөөгийн шаардлагын түвшнээс ихээхэн хоцрогдож байгааг түмэн олон шүүмжлэн хэлэлцдэг болсоор удлаа.

-Бодвол, эрүүл мэндийн салбарын халуун тогоонд буцалж буй та бүхэнд шүүмжлэл тов тодорхой мэдрэгддэг болов уу?

-Ард түмэн тов тодорхой хэлдэг. Утас, зүү нийлүүлж сураагүй хүн хувцасныхаа товчийг хадаж чаддаггүйтэй адил халаад өмсөж, чагнуур барьж үзээгүй хүн үхэл, амьдралын зааг дээр мэддэг бүхнээ дайчилж, хүнд бэрх бүхэнтэй улаан нүүр тулан тэмцдэг мэс засалчийн ажлын хүндийг ойлгохгүй. Хүний амь насны төлөө тэмцэж байгаа, адармаатай бэрхшээлтэй ажил үйлсийг бүтээж байгаа эмч нарын ажил мэргэжлийг энэ талын ямар ч мэдлэггүй хэн нэгэн этгээд онолоор, бодлогоор зохицуулж чадах уу, үүнээс ямар үр дүн хүлээх вэ гэж хүмүүс толгой сэгсрэн асуудаг боллоо. Байдал олны нүдэн дээр ийм тодорхой байсаар байтал “Бодлогын удирдлагаар хангана” гэдэг бурангуй шийдвэрээр эрүүлийг хамгаалах салбарыг удирдуулдаг улс Монголоос өөр байдаг юм уу. Өчүүхэн ч мэдлэг боловсрол үгүй мөртлөө дуртай нь аргагүй очиж ажлыг нь нураагаад явж байгаа, тэрэндээ огтхон ч сэтгэл нь өвдөхгүй явдаг гол төлөв УИХ-ын гишүүн байсан албан тушаалын донтой нөхдийг хүн зон ямраар үнэлж байгааг өөрсдөө мэддэг байлтай. Тэд ямар сонирхлоор мэдэхгүй салбар руугаа зүтгэнэ вэ. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гэгчээр эрүүл мэндийн салбарын удирдлага ийм байхад харьяа эмнэлэг салбаруудын үйл ажиллагаа ямар байх нь тодорхой.

-Таныхаар чухамдаа ямар байна гэж бодож байна?

-Мэс засал хийлгэсэн, хүүхэд төрүүлсэн, ханиад томуу хүндэрсэн, улаанбурхан, салхин цэцэг туурсан зэрэг өвчлөлөөр өвчлөгсөд “Эмч нарын буруугаас болж нас барж байна” гэж гомдоллох нь олшрох төлөвтэй. Энгийн жишээгээр хэлэхэд мэс засалч эмчийн ажлыг дотрын эмч хүн удирдан зална, мэс засалчийн зовлонг бусад хүн яс махаараа мэдэрнэ гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Чаддаг ч бай, чаддаггүй ч бай дарга байх нь дээд удирдлагын сайдуудын сэтгэхүйтэй агаар нэг байгаа нь даан ч эмгэнэлтэй. Олны дотор чадварлаг, боломжийн сайн дарга нар байхыг үгүйсгэхгүй ч хэрээ мэдэж ажлаа оролдвол гарах үр дүн нь сайжрах биш үү. Монгол хүний тоо эрс нэмэгдэж хүн амын бөөгнөрөл нягтрал ихэссээр байгаа өнөөгийн нөхцөлд маш чухал шаардлагатай болсон эмнэлгийн тусламжийн голлох нэгэн салбар болох мэс заслаар эмчлэх салбар, түүний эмч ажилчид дэндүү өрөвдөлтэй байдалд орсныг хүний эмчээр, бас эмчийн сургуульд багшаар ажилласаар нэгэн жарныг ардаа орхисон ахмад эмч миний бие үзсээр, мэдсээр байж эвлэрэн сууж чадахгүй нь.

-Насны хярд гарч, алдрын дээдийг хүртсэн эрхэм буурал та юуны учир бухимдах болов?

-Энэ ямар учиртай вэ гэвэл мэс засалч эмч нар бүхий л эмч нартай адил өвчтнүүдийг нарийн шалгаж, асуумж байцаалт авч, чагнан, алхаар тогших, гараар илж тэмтрэх, ам хамар, нүд чихийг нь үзэх, лабораторийн ба дүрс оношилгооны үзүүлэлтүүдийг үзэж харж эмчилгээ бичихээс гадна хутга мэс барьж, цус нөж, идээ бээр, өтгөн шингэнтэй хутгалдах, өөрөө аюулт өвчнөөр давхар өвчилдөг эрсдэлтэй байдаг. Мэргэжлийн ийм өвөрмөц онцлогтой байдгаараа бусад мэргэжлийн эмч нартай адилтгаж үзэх боломжгүй байдаг. Тэгээд ч зогсохгүй унтуулга, наркозонд байнга өртөж байна. Ер нь эмч нарыг их ачаалалтай байдаг тайван цагийн байлдагч нар гэдэг бол мэс засалч эмч нар бол тэдэн доторх хамгийн их ачаалалтай байнгын тушаалтай байлдагч нар мөн л дөө. Арьс өнгөний, дотрын, мэдрэлийн, нүдний, хамар хоолойн төрөлжсөн мэргэжлийн эмч нар өдөр ажлаа хийчихээд, жижүүргүй л бол гэртээ амгалан тайван амарч байхад мэс засалч эмч мэс засал хийсэн л бол тухайн өвчтөн хөл дээрээ босож явтал сэтгэл тайвширна гэж байдаггүй байнгын түгшүүртэй байдаг мэргэжил. Мэс засалч эмч гэртээ хариад чиг тайван байна аа гэдэг үлгэрийн далай. Дараагийн дуудлага, хагалгаанд цаг ямагт бэлэн байна.

-Мэс засалч эмчийн ажил ч үнэхээр хүнд юм байна шүү?

-Хүндээр барах уу даа. Ялангуяа тархи, зүрхний мэс засал хийх гэдэг олон өдөр хоног бодол сэтгэлийн хямралтай явдаг юм шүү дээ. Бие сэтгэлээр туулсан хүн энэ үгийг хэлж байна. Мэс засал хийх үеийн багаж төхөөрөмжийн хангамж, тохиромж, өвчтний биеийн дархлаа, тэнхээ тамир, нас, хүйс, наркоз, унтуулгын ачаалал, мэс хагалбарын тусгал нөлөө зэрэг олон зүйл эмчийн сэтгэлийг зовооно. Өдөр бүр тав, зургаагаас доошгүй яаралтай хагалгаа хийгддэг, тархины харвалттай өвчтөнүүдийг хүлээж авдаг мэс заслын эмч, сувилагч нар өдөр шөнө ялгалгүй хагалгаанд орсоор байгаад бүтэн ганц ч өдөр амарч чаддаггүй нь үнэхээр аймаар, өрөвдмөөр. Хэчнээн ядарч зүдэрч байвч цаанаа хүний амь насыг хамгаалж байгаа шүү дээ гэж бодож л сэтгэлээ тэжээж явах юм даа. Ийм их ачаалал дарамтын доор амьдардаг мэс заслын эмч сувилагчдын ахуй хангамж, авдаг цалин, тэтгэвэрт гарах нас зэрэг нь харьцангуй хөнгөн ажилтай бусад мэргэжлийн эмч нар, төрийн албан хаагчид зэрэг байгууллагынхантай яг адилхан байдаг нь хүмүүнлэг нийгэмд баймгүй мөн чиг ноцтой зөрчил мөн шүү.

-Та мэс засалч эмчийн цалин хөлсийг бусад мэргэжлийнхэнтэй шууд жишээлж яривал ойлгомжтой юм биш үү?

-Шүүгчид сардаа гурваас дөрвөн сая төгрөгийн цалин авч байхад эрдэнэт хүний амь, насыг аврахын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэж яваа, адилхан тангарагтай эмч нар ямар цалинтай байгааг харьцуулж үздэг, анхаарч үздэг шударга, ёс зарчмыг баримталдаг хүн өнөөдөр Монголд байна уу. Үүнд лав л эмч, багш нар итгэхээ больжээ. Мэс заслын эмчилгээ шаардагдах тархи, нугас, зүрх судасны төрөлхийн ба олдмол гажгууд, элэг, ходоод, тархи нугас, сав суулганы хавдар, тархины харвалт, нуруу нугалмайн өвчнүүд, хамар нармай, хоолой, нүд, чихний өвчлөл, тархи нугас, үе мөчний гэмтэл зэрэг өвчин жилээс жилд өсөн нэмэгдэж байхад цаг алдалгүй мэс заслын тусламж үзүүлэх ёстой байгууллагууд нь багаж төхөөрөмж дутуу, байгаа нь эвдэрхий, эмчийн тоо хүрэлцэхгүй байна. Хөдөлмөр хамгааллын талаар ярих ч юм байхгүй. Орны тоо хүрэлцээгүй учир оочер дараалал замбараагаа алдлаа. Цалин даан ч бага байна гэх мэтээр гачигдал зовлон тоочоод сууж байгаа нь хэвшмэл байхад энэ байдалд эмнэлгийн дарга нар нь ч, эрүүл мэнд хариуцсан яамны удирдлага ч дассан байдалтай цочирдохоо ч байж “Ажлаа хий, амжилт гарга” гэж хий хуурай уриалаад суудаг болж. Х.Тэмүүжин, Ц.Нямдорж, Дорлигжав, С.Нарангэрэл, Лүндэндорж нар шиг ажлаа мэддэг, хуулиа хүндэтгэдэг, салбарын ажилтнуудаа хайрлаж чаддаг эзэнтэй яам салбарууд цалингаа нэмэгдүүлж, амьдралаа төвхнүүлж чадаж байхад төрүүлсэн эцэг эх нь хэдийнэ төөрүүлээд хойд эцэг эх болсоор эзэн ч үгүй болсон өнчин салбарын цус нөж, идээ бээртэй холилдож, үхэгсдийн нулимсан далай дунд хөвж яваа өнчин хэдэн эмч сувилагчдад хэн гар сунгаж зоос хайрлах билээ дээ.

-Та ч аргагүй л элэг эмтэрч, зүрх зүсэгдмээр гашуун үнэнийг айлгүй хэлж байх шив?

-Би одоо юунаас айж эмээж суух билээ. Хүнд хагалгаанд ороод ядарсан муу эмчид аяга цай, атга чихэр өгчихвөл авлига, хээл хахуульд ороогдон “жаргал”-аа эдэлнэ. Мэс заслын мэргэжлийн эмч, сувилагч нар хар цай, бор талхны төлөө бие хайрлахгүй зүтгэсээр, тэтгэврийн насандаа ч хүрэлгүй өвчин зовлонд баригдаж, тахир дутуу болж, амь насаа алдаж байгаа тохиолдол цөөнгүй байна. Монголын толгой цохих алдартай мэс заслын эмч нарын олонх нь тэтгэвэртээ ч гаралгүй бурхан болсон ердөө л ажил, амралтгүй зүтгэснийх нь гор шүү дээ. Зурагтаар “Эзэнгүй төрийн эмгэнэл” гэдэг үг байн байн сонсогдох болсон нь өнөөгийн эрүүл мэндийн салбарын ажил амьдралтай яв цав тохирно. Яамыг удирдах сайд,орлогч нар нь дутуу байгаа ч харьяа эмнэлгүүд нь хөөрхий ажлаа хийсээр, ард түмэндээ үйлчилсээр байгаа. Анхаарууштай нэг зүйл байгаа нь мэс заслын үйлчилгээ бүхий эмнэлгүүдийн дарга, орлогч нар нь бүхэлдээ өөр мэргэжлийн улс дотрын, эрүүл ахуйн гэх мэт эмч нар байгаа нь мэс засалч эмч, сувилагч нарын зовлонг өөрсдийнхөө хүрээгээр ойлгохоос мэс засалчдын хэмжээнд ойлгох нь өдий юм.

-“Зуд болбол хуц ухнын толгой дээр” гэгчээр намчирхлын гай л танай салбарын удирдлагыг нэрвээд нэрмээд байгаагийн гай юм болов уу?

-Ер нь мэс заслын үйлчилгээ бүхий эмнэлгийн дарга нар өөр мэргэжлийн хүн байна аа гэдэг чинь эрүүл мэндийн салбарын сайд нь өөр мэргэжлийн хүн байхтай агаар нэг зовлон юм. Дурангаар хагалгаа хийхэд гэрэл нь бүдгэрээд байхын зовлонг дотрын эмч хүн, мэс засалч эмчтэй яг адилхан төсөөлөхгүй. Санаа зовлоо гэхэд бага зовно. Ийм жишээ олон бий л дээ. Харьцуулаад бодоход эмч нарын нарийн зовлонг эмч биш зүтгэлтнүүд, Их хурлын гишүүд эмч нартай адил ойлгодог гэж үү. Баян хүн ядуугийн зовлонг, ухна ишигний зовлонг ойлгодоггүй гэдэгтэй л адил юм болж байна шүү дээ.

-Эрүүл мэндийн салбарын төлөө сэтгэлээ чилээх чин сэтгэлтний хувьд та төр засагт уламжлах ямар санаа бодол тээж явдаг бол?

-Эрүүлийг хамгаалах салбарын яамны сайд, Төрийн нарийн бичгийн даргын албанд мэргэжлийн мэдлэг өндөр зохион байгуулагч хүнийг ойрын хугацаанд томилж өгөөч ээ гэж юун түрүүнд хэлмээр байна. Албан тушаалын мөрөөдөлтэй хэн нэгэн биш ард түмнээ, ажил төрлөө гэсэн чин сэтгэлтэй, үнэн зүтгэлтэй хүнийг олж тавиасай билээ гэж залбиръя. Улаанбаатар хотын эмнэлгүүд дээр хавсарга тасаг болж буй мэс заслын тасгуудыг нэгтгэн эмхэтгэж Мэс заслын өвчин судлалын үндэсний төвийг Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлэг дээр байгуулах хэрэгтэй байна.

-Тэгж нэгтгэсний ач холбогдол юу байна?

-Ингэж нэгтгэснээр байнга дутагдаж байдаг мөртлөө энд тэнд ганц нэгээрээ байгаа оношилгоо, эмчилгээний багаж, аппарат, лаборатори, дүрс оношилгооны төхөөрөмжүүдийг өгөөж сайтай, хэмнэлттэй ашиглах боломж бүрдэхээс гадна олж авах, зардал гарздах боломж бий болох юм. Цаашлаад сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулах боломж нэмэгдэнэ. Эмч, ажилчдын тоо, чанарын өөрчлөлтүүд эрс нэмэгдэнэ. Хамгийн гол нь мэс заслын тусламж үзүүлэх үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, орны ашиглалтыг сайжруулж, оочер дараалал багасч, чирэгдэл үүсэх нөхцөл алга болж, эм-эмийн зүйлсийн хүрэлцээ хангамж сайжрах юм. Мэдрэлийн мэс засал, нуруу нугасны мэс заслын харьцангуй хүнд ачаалалтай байдаг, өдөр сараар өсөн нэмэгдэж байгаа онцлог байдлыг харгалзан эмч, сувилагчдын ажлын байрны орон тоо, өвчтөнүүдийн орны тоог нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгараад байгаа. Нийт ажилчдын ахуй хангамж, цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй бол энэ салбарт ажиллагсад жилээс жилд цөөрөх аюул буйг ч бодолцох нь зүйтэй. Дурдан байгаа эрэлт хүсэлтүүдийг Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын холбогдох байнгын хороодод өргөн мэдүүлж, гарах болоод гарсан үр дүнгийн талаар Монголын мэс засалч эмч нарын холбоонд хэлэлцэн цаашдын ажиллах чиглэлийг тогтоох хэрэгтэй гэж бодож байна даа.

-Ярилцлагын төгсгөл болгож та юу хэлмээр байна?

-Эмнэлгийн шинжлэх ухаан гэдэг хамгийн нарийн нандин бүтэцтэй, түвэгтэй, зарим асуудал нь өнөөгийн шинжлэх ухааны хөгжил ололтоор ч шийдэгдэхгүй байгаа онцлог салбар мөн учир сандал ширээ, цалин цавуунд шунасан хэн нэгний өчүүхэн сэтгэлгээгээр, зарим ахархан ойлголттой мэргэжлийн хүний бодлоор шийдвэрлэгдэж, хэрэгжчихдэг ч шинжлэх ухаан биш гэдгийг төрийн жолоо болсон эрхэм ноёд, хатагтай нар ухварлаж ойлгоосой гэж өвгөн эмч би чин сэтгэлээсээ хүсье дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Гомбосүрэн: Миний орчуулгууд ард түмний ходоодны талх биш бөндгөрийнх нь талх болоосой

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнгийн хөөрөлдөөнийг хүргэж байна.

Инженер, техникийн мэргэжилтэн маань яаж яваад гадаад харилцааны ажилтан болчихов?

-Хэвлэлийн комбинатад найман жил ажиллаад инженер, техникийн ажилтнуудын улс төрийн боловсролыг дээшлүүлэх болж ЗХУ-ын Намын дээд сургуульд гурван инженер явуулсан. Улс төрийн сургууль гээчийг хийгээд ирсэн чинь л намайг Гадаад яаманд томилчихсон. Ингэж уугуул мэргэжлээсээ сох хөндийрөөд явчихаж байгаа юм. Хориод жил энэ салбартаа ажилласан.

Та Оросын их зохиолч Ф.М.ДостоевскийнГэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиотзэрэг сонгодог бүтээлүүдийг эх хэлэндээ хөрвүүлсэн соён гэгээрүүлэгч хүн. Достоевский зохиолоо бичиж байхдаа гэнэт унаж татдаг, амьдрал нь зөрчил ихтэй, сэтгэцийн гажигтай ч гэмээр хүн байсан гэдэг. Ер нь түүний эх зохиолыг ойлгоход бэрх гэлцэх нь бий. Таны хувьд бол инженерээс эхлээд Гадаад яамны орлогч сайд, сайд гээд харьцангуй жаргалтай аж төрлөөр амьдарсан хүн. Их сэтгэгчийн бүтээлүүдийг орчуулахад тэр их шаналанг бие сэтгэлээрээ мэдэрч байв уу?

-Би бол дүрд хувирдаг хүн биш. Чинийхээр бол орчуулга хийж байхдаа зохиолын баатрынхаа шаналан зовлонг яс махаараа туулах нь ээ дээ. Тийм юм надад огт байхгүй. Орчуулна гэдэг маань тэр хүний бичсэнийг орос хэлнийх нь утгаар л мэдрэх юм даа. Хүнийх нь талаас ойлгох нэг хэрэг. Тэр хүний цаасан дээр буулгасныг амттай шүлттэй нь мэдрэх л чухал юм. Түүнээс биеэрээ халуурч, хөлөрч шаналаад байхгүй л дээ. Зарим уншигч “Тэр романыг уншаад халуураад эмнэлэгт хэвтсэн” гэх ухааны юм ярьж л байдаг юм. Би чиний хэлдэг шиг жаргалтай аж төрлөөр амьдарсан уу гэвэл амьдарсан. Ерэн зургаан онд сонгуульд бут ялагдсаныг эс тооцвол зовлон үзээгүй амьтан шүү дээ. Энийг би зовлон гэж үзэхгүй л дээ. Зүгээр, энэ хүний зохиолыг ойлгох хэмжээний хүн мөн үү, биш үү гэдгээ би мэдэх хэмжээний хүн л дээ.

Та хэдхэн хоногийн өмнө Юрий ТрифоновынҮйлтэй байшин”, ДостоевскийнХөвүүн заяахэмээх хоёр ланжгар романы номын хуримаа хийж, Ерөнхий сайд асан С.Баяр, “Голомтбанкны захирал Баясгалан нарын нэр хүнд бүхий зочид хүрэлцэн ирсэн байсан. Энэ талаар яриач?

-Энэ хоёр номын нээлтийг зэрэг хийсэн учир нь Юрий Трифонов хэмээх Зөвлөлтийн зохиолчийг “Хорьдугаар зууны Достоевский” гэж утга зохиол судлаачид нэрлэдэг байсан. Достоевский, Юрий Трифонов хоёрыг нэгтгэж байгаа зүйл нь сэтгэл зүй, ёс суртахууны сэдвээр амьдралын нарийн нандин зүйлийг философийн хэмжээнд хүртэл зохиолдоо тусгасан байдал нь юм. Ф.М.Достоевскийн зохиолын үйл явдал нь жигтэйхэн бужигнаад дуусдаг. Харин цаад нарийн зүйл нь хүний ёс жудаг, нарийн нандин харилцаа байдаг. Достоевский 1840-өөд оны сүүлээр социалист үзэл санааг дэмжиж байсан. Тэгээд нууц бүлгэмд явж байгаад баригдан, алах ял заагдаад, сүүлдээ цөлөгдөж байсан хүн. Хамгийн сүүлд бурханы сургаалгүйгээр явахгүй юм байна гэдгийг ойлгосон. С.Баяр бол маш өндөр боловсролтой залуу. Энэ хүн надад Трифоновыг монгол хэлнээ буулгаач гэж хандаж байсан хэрэг. “Үйлтэй байшин”-г Баяр редакторлосон. Д.Баясгалан хүү болохоор “Хөвүүн заяа”-г редакторлосон юм. Тиймээс тэд миний орчуулсан номын баярын хүндэт зочид болсон.

Та Достоевскийн агуу таван романы дөрөв дэхийг сая монголчууддаа эх хэлээр нь өргөн барилаа. “Хөвүүн заяароманд ер нь юуны тухай гардаг бол?

-За яахав, номын нэрийн тухайд эхлээд ярья л даа. Романы гол баатар Аркадий Долгорукий насны цээнд хүрч хорь гармагц, энэ хорвоод туулсан амьдралаа 19-тэй үеийнхээ хэдхэн сарын явдлаас ургуулан тэмдэглэн үлдээж байгаа хэдий ч энэ залууг “өсвөр хөвгүүн” гэхэд болохгүй гэхийн газаргүй. Энэ насан дээр залуу хүн бие бялдрын хувьд төдийгүй үзэл санаа, зан суртахууны хувьд бойжин төлөвших явц нь үргэлжлэх учиртай гэж үзээд, романыхаа нэрийг “Подросток” хэмээсэн гэж их зохиолч тайлбарласан байдаг. Уул нь подросток буюу өсвөр настан гэж арван наймаас дооших арван хэдтэнг хэлдэг нас судлалын түгээмэл ойлголт байдаг юм байна. Би романы нэрийг монголоор юу гэхийг элдвээр үзэж, учир мэдэх зарим нэг хүнтэй санал солилцсоны эцэст “Хөвүүн заяа” гэж нэрлэсэн. Энэ нэр бол “подросток” гэдэг орос үгийн орчуулга биш гэдэг нь мэдээж. Гэхдээ романы гол баатрын заяа төөрөг хийгээд зохиолчийн өгүүлэх гэсэн гол санаанд гайгүй дүйцэх мэт санагдсан. Энэ роман Достоевскийн “Великое пятикнижие” буюу “Агуу таван ном” гэгдсэн таван романы сүүлээсээ хоёр дахь нь юм. Би бол дээрх таван номыг “Таван тансаг судар” гээд хөрвүүлчмээр санагдаад байгаа юм. Энэ романы дараа зохиогч “Карамазовын хөвүүд”-ээ туурвиад тэнгэрт хальсан байгаа юм. Энэ романд ариун гэр бүл, тохиолдлын гэр бүл гэдэг хоёр ойлголтыг Аркадийн хувь тавилантай сүлжин, Оросын тэр үеийн язгууртны ёс суртахууны ялзралтай холбон, нийгмийн ямархан ноцтой асуудал болсныг томьёолсон. Бараг бүтэн хагас зууны тэртээх Оросын нийгмийн энэ үзэгдэл өнөөгийн манай нийгэмд яггүй тулгамдсан асуудал болоод байгааг юу гэлтэй ч билээ дээ.

Энэ романтайГоломт”-ын ТУЗийн дарга Д.Баясгалан холбогддог нь ямар учиртай билээ?

-Монгол хүн эртнээс нааш бурхан, ном бүтээх, сүм дуган барих зэрэгт хөрөнгө чинээ, хөлс хүчээ өргөж, оюуны соёлын нандин өвийг цогцлоож ирсэн байдаг. Баясгалан энэ романыг редакторлохоос гадна ивээн тэтгэсэн. Ийм номын цагаан буяны үйлстэнүүд дэлхий дахинд ч их түгсэн бөгөөд соёл-шинжлэх ухааны үйлсийг ивээн тэтгэгчдийг мисенасчууд, оросоор меценат гэж тусгайлан нэрлэдэг. Манай тооллын өмнөх нэгдүгээр зуунд аж төрж асан Ромын эзэнт гүрний улс төрийн зүтгэлтэн, дипломатч Мисенасын алдраар ингэж нэрийдсэн юм билээ. Энэ эрхэмтэн Хораций, Вергилий зэрэг тухайн үеийн сэцэн билигтнүүдийн бүтээл туурвилуудыг ивээн тэтгэдэг байж. Хоёр жилийн өмнө, миний тэргүүлдэг “Дэндэвийн Пүрэвдорж сан” санаачлан их найрагчийн сэрэг хөшөөг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болдын урласнаар төрөлх Өвөрхангай аймгийнх нь төвд залсан юм. Чамгүй өртөгтэй энэхүү төслийн зардлын ноён нурууг бизнесч Да.Баясгалан даасан. Ийм л гэгээн сэтгэлтэй хүү номын барилдлагаар Монголынхоо уншигчдад ивээлээ хайрласан хэрэг.

Та анх ямар номоор орчуулгын ажлаа эхэлж байв?

-1972 онд “Гайхамшигт эгшин” хэмээх уулынхны номыг анх орчуулж байлаа. Манай “Тунгалаг Тамир”-архуу хувьсгалын тухай роман юм. Тавиад жил ном орчуулж байгаа гэхэд болно. 1980 онд Виктор Астафаевын “Хаан загас” хэмээх бэрх номыг орчуулсан. Энэ романыг одоо орхигдсон гурван бүлгийг нь оруулж, хуу нөхөн орчуулж уншигчдын гарт хүргэе гэж зүтгэж байна. Миний орчуулгууд яахав, ард түмний ходоодны талханд нь нэмэргүй юм аа гэхэд бөндгөрийн талх нь болоосой гэж бодох юм. Михаил Булгаковын “Мастер, Маргарита”-г монгол хэлнээ буулгасан. Энэ бүхэн надад жаахан туршлага болсон юм уу даа. Түүнээс хойш манай Хужиртын Баасанжав гэдэг нөхөр “Достоевскийг орчуул, тэр дундаа “Гэм зэм”-ээс эхэл” гэсэн юм. Би бол орчуулахдаа нэг их зүдрээд байдаггүй, зөөлөн хөрстэй газрыг хурц хүрзээр гишгэж байгаа юм шиг л шударчихдаг нөхөр байгаа юм. Чулуу мулуу таарвал хар хурхийлгээд л явчихна. (инээв)

Романуудын ариутган шүүгчид чинь найман сар гаруй хугацаанд ноцолдсон гэж байсан. Та хэдүй хугацаанд орчуулав?

-Цаадуул чинь худлаа хэлж байгаа юм. Редакторлоход юу боллоо гэж долоо, найман сар хараад суугаад байхав. Би орчуулахдаа л зургаан сарын дотор шударчихаж байгаа юм чинь. Календарийн хугацаагаар долоо, найман сар суугаа байлгүй, юу боллоо гээд ганц номтой зууралдаад суугаад байх вэ дээ. Цаадуул чинь “Энэ Гомбосүрэн юу гэж худлаа шааж вэ” гээд нарийн тулгаад хараад суугаад байхгүй шүү дээ. Найруулга гайгүй шиг юм чинь аяндаа уншигдаад явчихна. С.Баяр бол бичиг цаасанд жигтэйхэн зүгширчихсэн хүн шүү дээ. Баясааг түг таг газар нь будаж тэмдэглээрэй гэсэн. Тэдний хэлсэн зөвлөгөө маш их хэрэг болсон.

Тэр хоёр тэгээд аль хэр зурж тэмдэглэсэн байх юм?

-Би бол өөрийгөө шүүмжлэх дургүй хүн учраас “Гайгүй дээ” л гэж хэлнэ. (инээв) Баяр миний орчуулгыг тоож байгаа зураг зурдаг хүн л дээ. Тиймээс Трифоновыг буулгахыг санал болгож байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Цэрэнпилийн Гомбосүрэн: Дамдинсүрэн гуайг матсан Хэвлэл хянахын хорон санаатнууд толь бичгийн тэмдэгтэй эхийг хулгайлсан байх

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Оросын зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа” зэрэг хорь гаруй сонгодог бүтээлийг эх хэлнээ хөрвүүлжээ. Мөн Лалын шашны хөлгөн судар “Коран”-ыг анх монголчилж, сонгодог утга зохиолын орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг билиг төгөлдөр бичгийн хүмүүн билээ.

-Та овгоо Орхунт гэж бичдэг. Орхон гол гэхэд “о” үсэгтэй бичигддэг. Монгол бичигт үгийн хоёрдугаар үеэс хойших “о”-г “у”-гаар бичдэг байж болох юм. Зөвхөн овогт чинь гэхэд ямар нэгэн утга учир байна уу, үгүй юу?

-Овог гэдэг зүйл бидний үед тасарчихсан болохоор нэг их уламжилсан юм байхгүй л дээ. Маний үеэс хойш дуудагдаад явж байг гэх үүднээс нэг ийм үг зохиож тавьсан юм. Би Орхон голын хүү. Орхон мөрөн чинь Монголын хамгийн урт мөрөн шүү дээ. Орхон мөрнийг тойроод өчнөөн уул хангай байгаа. Би Орхоны Уньт гэдэг газар төрсөн юм. Орхунт гэж зөөлний тэмдэггүй байгаа нь бас учиртай. Уньт гэж сайхан хоолойн хойд талд олон хүүхэд тойруулчихсан шаазан Энх-Амгалан хаан сууж байгаа юм шиг Сант гэж сайхан хайрхан байдаг. Орхон гол, Уньтын хөндий, Сант хайрханы минь л үсгүүдийн нийлбэр байгаа юм. Сүүлд бодох нь ээ оновчгүй ч юм шиг санагдаад байгаа.

-Овог чинь зохиомол юм байна. Гэхдээ та язгуурын монгол хүний хувьд яг ямар овог аймгийн хүн бол?

-(инээв) Тэрийг ёстой мэдэхгүй байна. Газрын зураг дээр овог энэ тэр гээд тэмдэглээ л байна. Манай нутагт тэр нь алдартай овог гэж ярьж байхыг би л лав сонсоогүй юм байна. Би мэдэхгүй гэдэг нь өвөг дээдсийн уламжлалыг цаанаасаа тасалсантай л холбоотой. Социализм гээч юм чинь, мэдэхгүй, хаашаа ч янзын нийгэм байсан юм. Манай аав гэхэд л мянга есөн зуугаад оны эхээр төрсөн, бурханы ном үзсэн хүн байсан. Бурхан шүтсээр байгаад бурхан болсон. Ардын цэргийн албыг таван жил хаасан. Бодвоос хуучин монгол үсэг сурсан хүн байх ёстой. Тэрийгээ хэрэглэлгүй байсаар байгаад, нөгөө үсгийг нь үгүй хийсэн байх. Хажууд нь, шашин шүтлэгийн хувьд бүр зүрхэнд нь цус хуруулчихсан. Маньд “Манай хамаатан тэдэн онд явчихсан шүү дээ” ч гэж хэлж чадахгүй.

-Зүрхэнд нь ёстой шар ус хуруулчихсан үе байж дээ?

-Хуруулчихсан. Тээр хойно манай ээж л “Сайн лам нар байсан байлгүй яахав дээ. Том оо лам нар байж байгаад туугдаад явсан” гэж байсан.

-Та эцэг эхээс хэдүүл хүн юм?

-Бид нар долуулаа. Би айлын ууган хүү ухаантай юм. Дээрээ хоёр эгчтэй. Хүү гэдэг утгаараа том нь.

-Аав чинь үлгэр домог аль хэр мэддэг хүн байв?

-Өө тийм юм байхгүй. Манайх үхэр, хоньтой л айл байсан. Мал л маллана. Би гэдэг “сайн” хүү байна л даа. Аавынхаа талаар архив ухах гээд ерөөсөө чадахгүй юм. Аав цэргийн албыг 1925-1930 онд хаагаа болов уу. Зүүн хилээр элдэв туухай юм хараахан үүсээгүй байсан үе. Гучин хоёр оноос өмнө л гэж би тааж байгаа хэрэг. Манай аав их сайхан шүдтэй хүн байсан юм. Тиймээс Цэргийн үлээвэр хөгжим гээчид таван жил ямар нэг хөгжмийн зэмсэг үлээсэн шиг байгаа юм. Манай том эгчийн үгээр бол аавыг цэрэгт улираах гэсэн чинь бид буурай гэж дууддаг аавын ээж Хүрээ орж, өргөдөл чирэгдэл болсоор хувийн аж ахуйтан болгосон байгаа юм. Хөдөөний ард чинь сүүлд цагийн эрхшээлээр нэгдэлд орж хоньчин болсон. Аав, ээж хоёр үнэхээр сүсэгтэй. Тэр үеийн засгийн бодлогын дагуу бурхан тахилаа хад чулуу, агуйд хийсэн үү, би мэдэхгүй. Гэхдээ манай тэндхийнхэн чинь Эрдэнэ-Зууд аваачаад өгчихдөг байсан юм. Эрдэнэ-Зууд аваачиж өгсөн юм гэдэг хадгалагдана гэж байхгүй. Сэтгэлд нь л байхаас шороон дээр хаясантай утга нэг. Ээж маань яах вэ дээ, авдрандаа бурхан тахилаа нууж шүтнэ. Сүүлдээ жаахан гаргасан л даа.

-Ээж чинь их сүсэгтэй хүн байжээ?

-Манай ээж чинь “Дөрвөн уулын сан” тавина. Манийгаа ариулна, утна. Тийм хүн байсан. Аав бол дүнгэнэтэл маани уншаад байна. Гадны хүний дэргэд ганц маани ч унагахгүй. Цаг үе нь тийм байлаа даа, зайлуул.

-Та сургууль соёлын мөр яаж хөөв?

-Намайг хүн болж ухаан орсноос хойш манайх Архангай аймгийн Өндөрсант сумын айл байсан. Өндөрсант сумын бага сургуулийг 1951-1955 онд төгссөн хүн. 1956 онд манайх Өвөрхангайн Хужиртын айл болсон. Өвөлжөө, хаваржаа, зуслангийн буурь хэвээр ч Архангай, Өвөрхангай хоёр аймгийн хилийг өөрчилчихгүй юү. Орхоны хөвөөгөөр явж байгаа хилийг Орхоны хяраар болгочихоор Хужиртын айл болчихсон. Зургаагаасаа Хужиртын арван жилийн сургуульд ирж аравдугаар ангиа төгсөхгүй юу.

-Алдар нэртэй хүмүүсийг булаалддаг. Архангайнхан таныг Өвөрхангайтай булаацалдах уу?

-Аймгууд “Нэвтэрхий толь” гээд нэг юм гаргаад байна шүү дээ. Архангайнх дээр миний намтар байж л байдаг гэж байгаа.

-Ардын уран зохиолч Тангадын Галсан багштайгаа хамт уржнан жил нутаг явж байхад Сангийн далай нуурын зүг аян замын даллага, сэржим өргөж байхдаа “Халхын их Өндөр богд, суут хөгжмийн зохиолч Жанцанноров, билгүүн эрдэмтэн Чой. Лувсанжав, их гүүш Гомбосүрэнгийн минь нутаг даа” гэж түүхийн хичээл заах шахуу шивнэн шившиж байсан. Тэгж явахад Га багш таныг нисдэг тэрэг хөлслөн Чой багшийн шарилыг нутагт нь аваачиж байсан талаар ярьж билээ?

-Тийм. Шарилыг нь аваачиж нутаглуулсан юм. Өөрөө ч зайлуул, бие нь тааруу байхад “Ханхын цагаан овоонд нутаглуулаарай” гэж захидаг байсан юм. Сангийн далайгаас чинь баруун урагшдуу газар. Зуны эхэн сард бурхан болсон. Зам харгуй ч сайхан биш байсан болохоор нисдэг тэрэг гуйж, тэнд оршуулсан юм.

-Чой.Лувсанжав хэмээх хэлний эрхшээл эзэмшсэн, мэдлэгийн цар хүрээгээрээ Монголын гайхамшигтай эрдэмтэнтэй та хэдийд дотносч нөхөрлөв?

-Би 1967-1974 онд Улсын хэвлэлийн комбинатад ерөнхий технологич, үйлдвэрийн хэлтсийн даргаар найман жил ажилласан хүн. Чой багш “Монгол дээл, хэт хутгатай ирж оюутнууддаа хичээл заадаг” гэж тэр үеийн сэхээтнүүдийн дунд яригддаг байлаа. Бид хоёр, нэг намар айлд айраган дээр танилцсан юм. Мань хүн надтай танилцсанаа маш их олзуурхаж байна. “Англи хэлний өөрөө сурах бичиг” буюу алдарт хар номоо хэвлүүлэх гэтэл манай улсад хэвлэж чаддаггүй. Англи хэлний галиг тэмдэглэдэг зургаан тэмдэгт огт байхгүй учраас тэр л дээ. Мань хүн надтай танилцаад энэ учраа хэллээ. Тэр үеийн технологиор үсгийн тэмдэгт хийнэ л дээ. Эхлээд маш хатуу ган сийлдэг юм. Тэрэн дээрээ бүүр хатуу гангаар сийлж, тугалгаар цутгаж үсгийн тэмдэгт хийдэг. Ингэж ном-соёлын хамаатан садан шахуу юм болохгүй юу. Нарийн эдлэлийн сийлбэрчинтэйгээ Лу багшаа танилцуулж, галигийн зургаан тэмдэгтийг нь хийж, алдарт хар номыг нь хэвлэсэн байгаа юм. Хожим манай дүү тэдний хүргэн болчихдог гэж байгаа. Гэх мэтээр л ойр дотно явсан хэрэг.

-Та хэвлэлийн комбинатад хариуцлагатай, бас осолтой алба хашиж байж. Манай зарим зохиолч, сэтгүүлчид “Цэдэнбал даргын нэрийн “б” үсгийг хасаж гаргаснаас болж баларсан” гэдэг шиг ноцтой алдаа гаргаж байв уу?

-Бид үйлдвэрлэлийн инженерүүд гэдэг утгаараа тодорхой асуудал дээр л ёс суртахууны ч юм уу, аливаа хариуцлага хүлээх болохоос үг, үсгийн алдаа зэргийг хариуцсан хүмүүс нь л хүлээнэ. Бид эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн “Орос-Монгол толь”-ийн “1000 жилийн хүснэгт”-ийн хэрэгт л ороолдож байсан.

-Чухам юу болов?

-Тэр их сонин. Тэр үед Хэвлэл хянах газрыг главлит гэдэг байсан юм. Хэвлэл хянах газар номын эх болгоны хуудас бүхэн дээр тэмдэг дарна. Хэвлэхийг зөвшөөрлөө гэж байгаа юм уу, үзсэн гэж байгаа ч юм уу, тийм агуулгатай. Бид тийм тэмдэгтэй зүйлийг хүлээж аваад үйлдвэрлэлд оруулдаг. Нөгөө номыг хэвлээд, түрүүчийг нь дэвтэрлэж гаргаад явж байтал бөөн яриа үүсдэг юм. Ингээд бөөн юм болоод, главлитаас хэвлэхийг зөвшөөрсөн тэмдэгтэй эхээ хайтал олдож өгдөггүй. Бид алдсан хэрэгт холбогдож загнуулаад байдаг. Дамдинсүрэн гуайг дээш матсан Хэвлэл хянахын хорон санаатай улс л тэр эхийг хулгайлсан байх гэж би дотроо боддог юм.

-Улсын хэвлэлийн комбинатын хашаанд тэр Мянган жилийн литийг тасдаад шатааж байсан гэдэг бил үү?

-Би бол шатаалгагч, эрхэлсэн ажлынхаа дагуу хариуцна л даа. Тэр толийг гучин таван мянган хувь хэвлэсэн санагдаад байх юм. Зүгээр, цээжээр ярихад, тав зургаан мянга нь номын худалдаанд гарчихсан байсан. Тийм бүтэн хүснэгт бүхий номтой хүн өчнөөн бий.

-Би харин түүнийг л асуух гээд байсан юм. Ноднин яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын хамт явж байгаад хуучин номын худалдаанаас хүснэгт бүхий бүрэн толь худалдаж авч байсан юм л даа?

-Толийн хоёрдугаар боть нь шүү дээ. Миний бодох тоо бол тав зургаан мянга нь хэрэглэгчдийн гар дээр тарсан. Наана нь үлдсэн хавтасласан арван мянгаас урж хаяж буцааж нааж байлаа. Тэр арван мянган толь бол дээл нь томдсон хүүхэд шиг юм байгаа. Дэвтэрлэгээнд оруулаагүй хэсэг нь харин таарсан хавтастай толиуд болсон. Урж тасдсан хэсгээ Хэвлэлийн комбинатын хашаанд шатаасан. Дамдинсүрэн гуайн үг хүртэл байдаг биз дээ. “Берлин, Бээжин хоёрт ном шатааж байсан. Одоо Улаанбаатарт шатаадаг боллоо” гэсэн гашуун мөртлөө үнэн үг тэр үед л гарсан.

Үргэлжлэл бий