Categories
мэдээ цаг-үе

Хорлоогийн БАЯНМӨНХ: Мөөеө бид хоёр чинь хамгаалдаг мэхтэй бөхчүүд

Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж монгол түмнийхээ алган дээр тавьж байна. Монгол бөхийн мэхний их судрыг бүтээсэн эрхэмтэй хөөрөлдлөө.


-Та монгол бөхийн мэхийн талаар мундаг судар бүтээж. Энэ гурван ботид чухам хэдэн мэхийн хувилбар багтав?

-“Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх энэ гурван ботийг бүтээхийн тулд би амьдралынхаа дөч гаруй жилийг зориуллаа. 1971 онд Улсын багшийн дээд сургууль төгсөхдөө л энэ сэдвийг сонгож авсан юм. Энэ хугацаанд бас боловсролын докторын зэрэг хамгааллаа. Ингэж судалсаар монгол бөхийн 725 мэх байдаг юм байна гэдгийг тогтоолоо. Найман анги болгон, бүх шаардлагатай зургийг авахуулж гүйцээлээ. Энэ гурван ботид монгол бөхийн бүх мэх багтсан. Монгол бөхийн мэхийн тухай мянга шахам жилийн судалгаа байна. Арван гуравдугаар зууны Бэлгүтэй, Бүри бөх хоёрын зургийг “Монголын нууц товчоон”-оос эш татаж бүтээлгэн, гурван ботийн анхны дэвтрийн нүүрийг чимлээ.

-“Монголын нууц товчоон”-д “Улсын бөх Бүри бөх” гээд гардаг даа?

-“Улсын бөх Бүри” гэдэг чинь одоогоор улсын дархан аварга гэсэн үг шүү дээ. Тэр Бүри бөх ийм мэх хийдэг байсан гэснээс улбаалж түүнээс хойших бүх мэхийг багтаасан. Энэ 725 мэхээс цааш үсрээ л гурав, таван мэх л нэмэгдэхээс хэтрэхгүй.

-Таны хувьд монгол төрийнхөө наадамд арав түрүүлсэн их аварга хүн. Монгол бөхийн мэхний үлгэр дуурайл болсон хэн таны хувьд хэн байв?

-Гонжоон зааны гучин гурван сүлжээ мэх гэж домог яриа байдаг байсан. Монгол Улсын арслан Ванчинхүү маш олон сайхан угсраа мэхтэй хүн байсан гэж байгаа. Тэрний зургийг аваад, биччихсэн түүх одоогоор алга. Энэ мэхний номыг хийхэд өөрөө ямар бөхөөр ямар нэгэн амжилт гаргаагүй, үр хүүхдэдээ дэг сургууль заагаагүй хүн хийчихнэ гэхэд бас их хүнд. Тийм учраас энэ хүнд хөдөлмөрийг би л хийх ёстой гэсэн үүргийг өөртөө өгөөд хийсэн юм. Миний хүндэлж хайрладаг бөхчүүдээс Бээжин аварга олон сайхан мэхтэй хүн байлаа. Дархан аварга Агваансамдангийн Сүхбат олон сайхан мэхтэйг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Танай хүргэн хүн дээ?

-Сүхбат чинь миний шавь байхгүй юу. Монгол бөхийн манлай мэх гэдгийг наад хүн чинь үүсгэсэн юм. Ерэн дөрвөн оны Ардын хувьсгалын ойн долоогийн даваанд Пунцагийн Сүхбат, Гантогтох хоёрын барилдсан барилдааны мэх бас л сайхан болсон. Энэ бол монгол бөхийн хариу мэх байсан. Арван дөрвөн вариант дамжсан мэх байлаа. Энэ мэхний зураг хөрөг харин энэ номд орсон шүү.

-Мэх бол бөхийн нэг ёсны амжилт гаргах зэвсэг. Та чухам хэдэн мэх ашигладаг байв?

-Мэх болгоныг мэдэж байх нь бөх хүний үүрэг. Тэрнээс мэх болгоныг гүйцээж хийнэ гэдэг үлгэр. Нэг мэхийг нэг хүн насандаа ч хийж сурахгүй. Тийм учраас би зүүн хөл авдаг, халз хутгадаг хоёр мэхтэй, энэ мэхэндээ долоо найман варианттай л байсан. Хүн барьцаа хамгаалж чадахгүй байвал суйлаад хаячихна, дугтраад хаячихна, тойгдоод хаячихна. Миний хувьд цэрвүү барьц, барьц гэсэн хоёр л мэхтэй хүн.

-Монгол Улсын дархан аварга Жигжидийн Мөнхбат та хоёр бол “Үнээ саалгадаггүй хоёр Мөнх” гээд домог болсон хоёр шүү дээ. Та Мөнхбат аваргын эсрэг мэх боловсруулж л байсан байж таараа даа?

-Бид хоёр өрсөлдөгч юм чинь тийм мэхний тактик байлгүй яахав. Бид хоёр хоёулаа пассивный бөхчүүд шүү дээ.

-Пассивный гэдэг чинь хамгаалдаг гэсэн үг үү?

-Хамгаалдаг хоёр бөх. Хүний мэхийг дутуу хийлгэж, үлдсэн нөхцөлд хаядаг тийм аргатай хүмүүс. Тийм учраас удаад байдаг байхгүй юу. Тэрнээс тийм их айхтар мэхийн зөрчилдөөн байхгүй шүү. Нэг аюул нь ямар ч бөх бид хоёрт дутуу мэх хийж болдоггүй юм. Хүн дутуу мэх хийлээ л бол тэрэнд нь асаа л мэхээ гүйцээж, дахиад тэр хүн мэх хийх ч аргагүй, унахаас өөр аргагүй байдалд л оруулдаг хоёр байхгүй юу. Ийм л нэг аргатай хоёр байхгүй юу, бид хоёр.

-Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ ид барилдаж байх үедээ учраагаа барьцаар баглаад байдаг байсан даа. Энэ мэхэнд орох уу?

-Тэр барьц мэхэнд орно л доо. Тэгэхдээ жаахан болхидуухан л арга л даа. Тэрнээс чинь болж хаялцах барьц гээч юм гарч ирлээ шүү дээ. Хүн хүний хаялцах арга өөр. Зарим нь унахгүй байж байгаад хаяя гэсэн тактиктай боллоо шүү дээ.

-Олон сайхан мэхтэй бөхчүүд гэвэл Ванчинхүү арслан гээд та нэр дурдлаа. Одоо үеийн залуусаас танд харж явдаг бөх байна уу?

-Байна аа байна. Улсын харцага Баасанхүү байна шүү дээ. Баасанхүү харцага юу л таарна, тэр мэхийг хийнэ. Одоо бөхчүүд мэх хийхээс аргагүй болсон, цаг хугацаанд шахагдаад. Миний энэ ном гарлаа. Ном уншсан бөхчүүд “замбараагүй” их гоё мэхүүдийг хийж эхэлнэ. Монгол бөхийн хувьд урьд өмнө ийм сурах бичиг байгаагүй, харьцуулах юм байхгүй байсан хүмүүс энэ номыг харчихсан байхад, нэг хүн нэг мэх сурчихсан байхад л баллана.

-Нээрээ л тэгэх байх даа. Ушу, кекүшенку карате гэхэд л зурагт сурах бичгүүдээр сураад явчихдаг юм чинь?

-Тийм шүү дээ. Энэ ном чинь шууд багш юм чинь. Заавал би очоод заагаад байхгүй, бүх мэхийг заагаад, сануулж зөвлөчихсөн байгаа юм чинь. Монгол бөхийн 725 мэхээс гадна чөлөөт бөхийн олимпод хэрэглэж болох 102 мэхийг бас оруулсан.

-Бөхийн төрлүүд хэд хэдэн мэхтэй байдаг юм бол. Та судалж үзэв үү?

-Тэр бүхнийг судалсан хүн цөөхөн л дөө. Сумог 82 мэхтэй гэж зарладаг. Бусад төрлүүд далан нэг, далан гурав гэж судалдаг.

-Тэгэхээр таны ном чинь бүр арав дахин илүү мэхтэй болоод явчихав аа?

-Хамгийн наад талдаа л арав дахин илүү. Манай үндэсний бөх чинь босоо барилдааан шүү дээ. Хэвтээ барилдаануудын мэхийг нэмбэл явж өгнө. 725 мэхтэй барилдаан гэдэг Гиннессийн номд л бичигдэнэ л дээ, өөр ямар ч арга байхгүй. Монголын ард түмэн гэдэг чинь ямар гайхамшигтай оюун ухаантай вэ гэдгийг энэ номууд батална.

-Өмнөд Монголын хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилддаг бөхийн мэхийг судалж оруулав уу?

-Би тэрийг судлаагүй ээ. Монгол бөхийн барилдааны өчүүхэн нэг хэсэг шүү дээ. Гар гартайгаа, хөл хөлтэйгөө гэдэг чинь хавсарч цохих, өхийлдөх гээд хэдхэн мэхэнд л эргэлдэнэ.

-Таны ном мэхнээс гадна овоор овоглогдсон байх юм?

-Ов байлгүй яах вэ. Ов мэх гэдэг чинь өөрөө хэлбэл ухаан, суу заль, овсгоо, цовоо сэргэлэн, хийморилог байдал бүгд багтана. Мэх гэдэг нь арга шүү дээ. Ов гэдэг чинь маш шинэ юмыг сэддэг гэсэн үг шүү дээ.

-Мөөеө аварга залуудаа ам мэх хийдэг байсан гэдэг. Энэ яг ямар мэхэнд орох бол?

-Ам мэх монгол бөхөд их байдаг.

-Та тийм мэх хийж байв уу?

-Би тийм мэх хийж байгаагүй ээ. Тэгэхдээ ам мэхэнд хүн итгэх номгүй юм байгаа юм шүү. Ам мэх энэ тэр гээд ярих гээд тэгэнгүүт “Чи битгий донгос” гээд далбаанаас нь дугтраад л, хонгодоод тавьдаг юм. Ярих юм бол тэр хүнтэй яриад л байна шүү дээ. Тийм учраас ярьж л болдоггүй юм. Монгол Улсын арслан Чүлтэмсүрэн гэж байсан юм. Тэр хүн их овсгоотой, сэргэлэн хүн л дээ.

Тэр хүн “Бууж өгөхгүй ч гэсэн эхэлж ам мэх хийх ёстой байдаг юм” гэдэг байсан. “Аварга аа, би давчих уу” гэчихэд хүний сэтгэл санаанд их саад хийдэг гэнэ ээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

“Ардын элч”-ийн Дүлзэнгийн дүрээр ард түмэндээ танигдсан Бавуугийн Готов авьяаслаг дуурийн дуучин байсан

Дүлзэн “Чи энд байгаад ердөө амжихгүй. Энэ их хөл үймээнтэй үеэр чамд юу ч тохиолдож болно. Ерөөсөө л манайд оч. Ганц хүүгий чинь ер дараа үзэхгүй. Мэргэд лам нар чи бид хоёрын хувь заяаг эрхбиш мэдсэн байлгүй дээ хө. Ямар ч талаараа сайн гэсэн шүү дээ” гэж Ариунаад их л эелдэгхэн хэлэхэд Ариунаа “Дарьбазар бид хоёрыг ч бас тэгсэн юм шүү. Та ер нь салж өгдөггүй нойтон хамуу шиг жигтэйхэн амьтан байна ш дээ. Дахиад манай хаяагаар бүү үзэгд” гэж дэлгэцнээ харилцан ярих хэсгийг үзсэн хэн ч байсан “Ардын элч” кино хэмээн шууд өгүүлэх нь дамжиггүй. Хошуу захирагч ноёны дуулгавартай зарц Дүлзэнгийн дүрд дуурийн алдарт дуучин Бавуугийн Готов ийн тоглосон нь урвагчийг нүднээ харагдаж, хүний сэтгэлд хадагттал өгүүлсэн нэн донжтой дүр болсон байдаг.

Эх орны хувь заяа хутганы ирэн дээр байсан тэртээ 1921 оны ардын хувьсгалын үйл явдлыг харуулсан дэлгэцийн олон сайхан бүтээл байдаг. Түүний нэг бол төрийн шагналт зохиолч Ч.Ойдовын зохиол “Ардын элч” кино яах аргагүй мөн юм. Энэхүү киног 1959 онд “Монгол кино” нэгтгэл есөн бүлэгтэйгээр бүтээжээ. “Ардын элч” кино нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд Монгол киног төлөөлөн оролцож, Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн эмэгтэй шилдэг дүрийг бүтээсний төлөө мөнгөн медаль хүртэж байв. Уг кино дэлхийд алдартай Карлварын зэрэг кино наадмуудад ч оролцож монгол киноны нэр хүндийг өргөж байсан түүхтэй. Өнгөрөгч XX зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр ч шалгарч байсан.

Одоо ч манай үзэгчдийн үзэх дуртай кино байсаар байгаа “Ардын элч”-ийн ерөнхий найруулагчаар төрийн шагналт Д.Жигжид, зураглаачаар О.Уртнасан, зураачаар Л.Махвал, хөгжмийн зохиолчоор төрийн хошой шагналт, ардын жүжигчин Л.Мөрдорж нар ажилласан байдаг нь аргагүй л алтан үеийнхний бүтээл дээ гэх бодлыг өөрийн эрхгүй төрүүлдэг. Гол дүрийн Ариунаад гэхэд жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн, Дарьбазарт нэрт жүжигчин Жамбалын Занабазар, Сүхбаатар жанжинд Зундуйн Галсанданзан, Дүлзэнд Бавуугийн Готов, Тулга хүүд Ц.Доржсүрэн нар тоглосон байдаг.

Олны хүч хөдөлмөр, авьяас билгээр бүтсэн энэ киноны жүжигчдэд үзэгчид өнөө ч хайртай байдаг. Тиймдээ ч хошин шогийн жүжигчид хүртэл “Ардын элч” бүрэн хэмжээний хошин шог дуулалт жүжиг тоглож байсан нь дэлгэцэнд хэдийнэ гарчээ.

Тэдгээр авьяаслаг жүжигчдийн нэг бол Дуурийн театрын авьяаслаг дуучин, Дүлзэнгийн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрч, ард түмний сэтгэлд үлдсэн жүжигчин Бавуугийн Готов юм. “Ардын элч”-ийн Дарьбазар, Дүлзэн нар бүтээсэн дүрүүдээрээ бол андалж нөхөрлөх нь байтугай аймаг хонхорт ч багтахын аргагүй атаатан дайснууд. Дүлзэнгийн атгаг муу санаа, Ариунаад тачаасан амьтанлаг үйлдэл зэвүүн дээ гэх энд илүүц тайлбар болно л доо. Үзэгчид бараг л цээжээр мэдэх хойно. Харин амьдрал дээр тэд зүү ч орох зайгүй амин дотно найзууд явсан гэдэг юм билээ. Нэг нутаг усаар овоглож, бас нэг байгууллагад данстай явсан тэд жаргал зовлонгоо хуваалцсан салшгүй андууд явсан ажээ. Дарьбазарт тоглосон жүжигчин Ж.Занабазар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 1925 онд төрсөн хүн байж. Тэгэхээр тэр хоёр хоймор нутгийн хийморь далласан үе тэнгийнхэн байсан ажээ.

Өнгөрөгч зууны гуч, дөчөөд оны “Бөмбөгөр ногоон”-ы сайхан хүүхнүүдийн нэг явсан Гүндэгмаагийн Дулмаа “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа нарын дүрээр олны танил болжээ. Нэгэн үе ардын жүжигчин Цэрэндэндэв Юндэнд, Дулмаа Нансалмаад тоглодог байсныг тавь, жараад оныхон дурсан ярьдаг. Сүүлдээ Дулмаа Хоролмаад голдуу тоглох болсон бөгөөд “Хоролмаа бол эсрэг дүр. Гэхдээ тэр их хайрандаа хязгааргүй үнэнч халхын сайхан бүсгүйн дүр юм. Тиймээс би Хоролмааг жигшүүлэх талаас нь биш ухаалаг, уянгалаг талаас нь гаргахыг зорьж байлаа. Тэгээд ч миний Хоролмаад үзэгчид сайн. Би Дагванамдал, Дамиран нарын Юндэнтэй, Бавуугийн Готов гэсэн алдарт Балгантай дуулж явлаа” гэж дурссан байдаг бол Хоролмаагийн дүрд гучин таван жил тоглосон Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Цэцэгээ “Б.Готов гуай хачин гоё Балган. Яагаав, “Ардын элч”-ийн Дvлзэнд тоглодог” гэж дуу алдан тодосгосон байдаг.

Монголын их зохиолч Лодонгийн Түдэвийн зохиол “Зэрэг нэмэхийн өмнө” уран сайхны киноны Долдойгийн дүрээр олон түмнээ алдаршсан ардын жүжигчин Данзаншаравын Жамьянжав нэгэнтээ “Учиртай гурван толгой” дуурийн худалдаачны дүрийг чадварлаг бүтээдэг болсон талаараа ярихдаа “Балганы дүрд ардын жүжигчин Пvрэвдорж, Д.Жаргалсайхан, Дүлзэнд тоглодог Б.Готов, бид дөрвийг тоглуулдаг байлаа. Бодоод байсан чинь би ер нь Балган биш юм аа. Өнөө гурав маань болоод байдаг, би өөрийгөө голоод байдаг. Над шиг гулзгар өндөр, туранхай амьтан чинь ер нь яаж Балган харагдах вэ дээ. Бодоод байсан чинь худалдаачны дүр л тохирох юм шиг санагдаад өөрийнхөө сонголтоор худалдаачин болсон минь тэр дээ” гэж дурссан байдаг.

Тэгвэл Монгол Улсын ардын жүжигчин Адилбишийн Дашпэлжээ “Театрын тайзнаа хамгийн анх амилуулсан дүр маань “Учиртай гурван толгой” дуурийн Балганы дагуул. Мэргэжлийнхэнд анх үнэлэгдсэн дүр бол Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурийн Галдан гэж ойворгон сагсуу ноёны дүр байлаа. Дуурийн гоцлол дуучны мэргэжил бол их онцлог л доо. Хоолой заачихдаг. Хэрэв тухайн дуурийг баритон хоолойд зориулаад биччихсэн бол тийм хоолойтой хүн л дуулахаас биш бусад нь барахгүй шүү дээ. Манай дуурийнхан үүнийг “ачаа үүрэх” гэж ярьдаг юм. Дуучид гэдэг үе үеэрээ төрдөг. Тэр дуучид үе үедээ урлагаа авч явж дараагийн үедээ хvлээлгэж өгөхийг хэлж байгаа хэрэг. Намайг театрт ирэхэд О.Лувсандагва, Бавуугийн Готов, Н.Дагванамдал гуай гээд л олон сайхан баритонууд байлаа. Тэд бол Монголын сонгодог урлагийг нуруун дээрээ үүрч явсан агуу уран бүтээлчид” гэж дүгнэсэн байдаг.

Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Ардын элч” уран сайхны киноны Дүлзэнгийн дүрүүдээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшсон нэрт жүжигчин Б.Готовын талаар “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр ард түмэнд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав дурсахдаа “Гарьд магнай” киноны Равсал панзын пробонд “Ардын элч”-ийн Дүлзэн-Б.Готов ах хүртэл орсон. Хэрвээ найруулагч маань түүнийг сонгосон бол намайг хэн ч Равсал панз гэж танихгүй л байх байсан” хэмээсэн байдаг нь цаанаа учиртай үг билээ. “Урлаг бол агуу их золиос” гэж Японы их зохиолч Рюноскэ Акутагава бичсэн байдаг. Авьяаслаг жүжигчдийн амьдрал ахуйг заримдаа бодохоор “Энэ юутай гашуун үнэн үг билээ” хэмээлтэй санагддаг. Гэвч, Бавуугийн Готов хэмээх авьяас билэг төгөлдөр нэгэн хүний хорвоод аж төрөөд буцахдаа бүтээсэн дүрээрээ нэрлэгдэх хувьтай, хойч үедээ магтагдах дурсамжтай нэгэн байжээ гэж бахархахаас аргагүйд хүрдэг юм.


Categories
мэдээ цаг-үе

​Д.Чойжамц: Төгс буянтын зурхай бол монголчуудын ахуй амьдралд зохицсон сарны тоолол, тиймээс цагаан сар хоёрдугаар сарын 27-ндоо л болно

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамцтай уулзаж ярилцлаа.

-Цагаан сар дөхөхөөр л хэзээ тэмдэглэх талаар манайхан санал хуваагдаад хоорондоо үзчихдэг. Энэ жилийн хувьд Хятад зэрэг Азийн орнууд нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэх, харин манайд Төгс буянтын зурхайгаар хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сарын шинийн 1-ний баяраа тэмдэглэх тухай маргалдаад эхэллээ. Бурханы шашинт монголчуудын хүндэлж явдаг хүнээс энэ тухай лавлах нь зүйтэй байх гэж бодож ирлээ?

-Зурхайч хүнээс л асуумаар юм байна даа хө.

-Таны бодол уншигчдад маань чухал байна л даа?

-Богд хаант Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт хаан ширээнд заларсан үеэс Олноо өргөгдсөний он тоолол, Төгс буянтын зурхайн ёсоор явна гэж шийдсэн байдаг. Манжийн дарлалаас гарч, Төгсбуянт зурхайн ёсоор явнаа гэсэн шүү дээ. Бусдын эрхшээлд, Манжийн дарлалд явсан учраас шар зурхайг хэрэглэж явсан үе бий. Сүм хийдийн газрууд Төгс буянт зурхайгаа баримталдаг. Яагаад гэвэл хурал ном хурахад Төгс буянтын зурхай их дөхүү, монголчуудын амьдралтай ойр. Монголчууд чинь сарны хэлбэрийг хардаг.

Сар ямар хэлбэртэйг хараад “Өнөөдөр шинийн найман, шинийн гурван, шинийн таван байна” гэж төдөх юмгүй хэлдэг. Тиймээс Төгс буянтын зурхай бол нүүдэлчин амьдралаас урган гарсан, нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай юм.

-Шар зурхай Төгс буянтын зурхайгаас ямар ялгаатай байна?

-Шар зурхай суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай учраас өдрүүдээ шахаад хийчихдэг. Сарын өдрүүдийг шахаж хийдгээрээ ялгаатай. Төгс буянтын зурхай нь сарны хэлбэрийг авч явдаг учраас шар зурхайгаасаа арай ондоо. Монголчууддаа яг таарсан. Сарын зарим нэг өдөр шинийн долоон хоёр байх жишээний. Орчин үеийн шинжлэх ухаанаар ярих юм бол сар, дэлхий хоёрын ойртох, холдох зайнаас хамаарч байгаа юм. Сар, дэлхий хоёр холдчихоод байгаа үед хоёр хоночихоод байхад сарны хэлбэр огт өөрчлөгдөхгүй байгаа юм. Тэрэн дээр нэмэлт хийдэг. Ойртсон үед дорхноо сарны хэлбэр өөрчлөгдчихөж байгаа учраас шинийн долооных биш шинийн наймны сарны хэлбэртэй болчихож байгаа учраас өдрийг нь тэгж тааруулдаг. Нүүдэлчин амьдрал сарныхаа хэлбэрийг л дагаж ирсэн. Манай шашны номлол ч сарны хэлбэрээр явж байгаа зурхайгаараа хурдаг. Жишээ нь, хорин есөнд хамгийн нарийсаад бараг харагдахгүй болчихсон үед хорин еснийхөө хурлыг хурдаг, битүүнд бол саргүй байх үе болохоор битүүний хурлаа хурдаг. Шинийн найманд сар яг тал дугуй, хорин хоёронд бас тал дугуй болдог. Энэ хэмжээсүүдээр хурал номоо хурдаг.

-Төгс буянтын зурхайн талаар дэлгэрэнгүй хүүрнээч?

-Төгс буянтын зурхайг Цахар гэвш Лувсанчүлтэм шинэчлэн тиглэсэн. Цаг хугацаа чинь бас үе үе шинэчлэгдэнэ л дээ. Григорийн тоолол хүртэл арван өдрийн зөрүү гарчихаад Европын эрдэмтэд өөрчилж байсан. Тэр үед манай билгийн тоололд хүртэл өөрчлөлт гарч, Цахар гэвш Лувсанчүлтэм гуай өөрчилсөн түүхтэй. Төгс буянтын зурхайг Цахар гэвш зохиочихсон гэж үзэж болохгүй. Жарнаар тооцоход одоо арвандолоодугаар жаран явж байна шүү дээ.

-Зуунд шилжүүлбэл эртний тоолол болох нь байна шүү?

-Төгс буянтын зурхай есөн зуу гаруй жил явж байгаа зурхай юм. Урагшлуулбал 1027 оноос эхэлсэн, Чингис хааны үеийг дамнаад явж байгаа зурхай байх нь ээ дээ. Урьд эрт цагт ширээн дээр тавьдаг цаг гэж байсан биш, сарныхаа хэлбэр дүрсийг авч явсан сайхан зурхайгаа л ашиглаж ирсэн байдаг. Ийн мөрдөж явж байгаад Ардын хувьсгалын үед хаагдсан. 1931 оноос бил үү дээ, европ тооллыг авч шинэ жил тэмдэглэж эхэлсэн байгаа биз дээ. Энэ үеэс нэг хэсэгтээ өнжиж, 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үе өнгөрөөж байж, 1944 онд Гандантэгчинлэн хийд дахин сэргэсэн. Тэр үеэс Төгс буянт зурхайн ёсоо дахин сэргээж хурал номоо хурж эхэлсэн. Яагаад гэвэл хурал ном маань Төгс буянтын зурхай хэмээх литгүйгээр байхгүй байх байсан учраас сэргээсэн түүхтэй. Энэ тооллын дагуу Нинжбадгар гуай тэргүүтэй одон орны эрдэмтэд манай лам нарыг урьж аваачин шинжилгээ судалгаа хийж, “Малчдын календарь” нэрээр гаргадаг болсон. Энэ маягаар 1990 он хүргээд үүнээс хойш Төгс буянтын зурхайн ёсоороо явж байгаа.

-Шар зурхайгаар явах ёстой гэж зарим хүмүүс яагаад зүтгээд байдаг юм бол?

-Ардчилал гэдэг чинь янз бүрийн л үзэл бодолтой хүмүүс гарч ирдэг талбар шүү дээ. Тийм янз бүрийн хүмүүсийн л “Шар зурхай нь үнэн зөв” гэх хандлага гараад байх шиг байдаг юм. Ер нь монголчууд эртнээс нааш хэрэглээд ирсэн зурхайгаа л дагаж мөрдөх нь ёсонд зөв юм л даа.

-Заримдаа сар нь тохирсон атлаа нэг өдрийн зөрүү гарлаа гээд байдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм бол?

-Богд хаан ширээнд суусны дараа хятадууд хүрз зээтүүгээ ирлээд “Танай цагаан сарыг улаан сар болгоно” гэж сар шинийн баярыг будилуулах гээд байсан байдаг. Тийм учраас Богд хааны зарлигаар Монголын цагаан сарыг Хятадын цагаан сараас нэг өдрөөр зөрүүлж тэмдэглэхийг зурхайчдаа даалгасан юм билээ.

-Далай лам Монголд айлчилсан нь өмнөд хөрштэй улс төрийн сөргөлдөөнд хүргэлээ гэж манай улстөрчид сүржигнээд, БНХАУ-аас уучлал гуйлаа ч гэх шиг их юм дуулдах юм. Монгол Улс тусгаар улс юм чинь Бурханы шашныхаа амьд бурханыг эх орондоо залах нь аль нэг улсад огт хамаагүй асуудал биз дээ?

-Дээрхийн гэгээнтэн манай улсад есөн удаа заларсан. Коммунизмын үед хоёр удаа заларч байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар сүсэгтэн олны сүсэг бишрэл чөлөөтэй болсон. Энэ бол хуулийн заалттай зүйл. Сүм хийдийн харилцааны хуульд ч “Төр шашны хэрэгт хутгалдан орж болохгүй. Шашин төрийн хэрэгт хутгалдаж орж болохгүй” гэсэн тодорхой заалттай. Энэ хуулийн дагуу л бид Дээрхийн гэгээнээ эх орондоо урин залдаг байсан. Есөн удаагийн заллагыг сүм хийд, сүсэгтэн олон, лам хуврагууд бүгдээрээ эрэлт хүсэлтээрээ багшийгаа залсан. Үүнд ямар нэгэн улс төр ордоггүй. Ирээд шашныхаа ажлыг хийдэг, сүсэгтнүүддээ ханддаг. Багш маань ганцхан монголчуудад ч биш ерөөсөө л хүн төрөлхтний хоорондын харьцаа, бие биетэйгээ эвсэг бүлээн байх, найрсаг хандах, дотоод сэтгэхүйн сайн сайхан байхын тухайд ном айлддаг. Үүнийг л Монголын ард түмэнд хэлдэг. Залуучуудад ч уламжлалт зан заншил, соёл, шашнаа дээдлэх, тэрнийг судалж үзэх талаар асуулт хариулт маягаар сайхан уулзалт зохиодог шүү дээ. Тэрнээс улстөржсөн ганц ч зүйл ярьж байгаагүйг манай сүсэгтэн олон сайн мэднэ дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сэрэлт”-ийн ах ламын дүрээр мөнхөрсөн алдарт жүжигчин Зундуйн ЦЭНДЭЭХҮҮ

БНМАУ-ын ардын жүжигчин Зундуйн Цэндээхүү 1905 онд Төв аймгийн (Бор-Өндөр) одоогийн Алтанбулаг сумын нутагт төржээ. Бурханаас заяат авьяас билэг төгөлдөр төрсөн ирээдүйн алдарт жүжигчин маань хувь тавилангийн эрхээр Нийслэл хүрээний ярганы газарт мах зөөгч, Дотоодыг хамгаалах газарт зарлага зэрэг ажил хийж байгаад 1931 онд Ардыг гэгээрүүлэх яамнаас гаргасан авьяаслаг залуучуудыг театрт авах тухай зарлалын мөрөөр зорин очиж урлагийн алтан тайзнаа амьдралынхаа тавь шахам жилийг зориулах гараагаа эхэлсэн байдаг. Түүний нэр “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн анхны тоглолтын зарлалд бичигдсэн байдаг нь Монголын алтан үеийн жүжигчин гэсэн албан ёсны батламж нь болдог гэхэд болно. Тэрээр “Говийн хүүхэн Гүндэгмаа” жүжгийн бэр гуйгчаас эхлээд гавьяат уран зохиолч Содномбалжирын Буяннэмэхийн “Харанхуй засаг” жүжиг болон “Халхын баатар”, “Шинэ зам”, “Өөрийн замаар”, Лопе де Вегагийн “Хонины булаг”, Оросын их зохиолч Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл”, “Кремлийн цаг”, У.Шекспирийн “Отелло” зэрэг үндэсний болон сонгодог, Орос, Зөвлөлтийн зохиолчдын олон жүжигт тоглон авьяас билгээ нээсэн түүхтэй. Тайзны олон сайхан дүр бүтээхээс гадна “Гонгор баатар” киноны сумангийн даргаас эхлээд “Цогт тайж”, “Сэрэлт”, “Ардын элч”, “Өглөө”, “Тэмцэл” зэрэг кинонд тоглож үзэгчдийн сэтгэлд шингэсэн дүрүүд бүтээжээ. Зундуйн Цэндээхүү Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ажиллаж Баян-Өлгий, Дорнод аймгийн театрыг байгуулах, урын санг нь баяжуулах, залуу жүжигчдийг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг.

Алдарт жүжигчин З. Цэндээхүү “Халхын баатар Сүхбаатар” жүжгийн Сүхбаатар, “Хуягт галт тэрэг” жүжгийн Зинов, “Шинэ зам” жүжгийн Барон, “Хоёр эзний ганц зарц” жүжгийн Флоренц, “Шарай голын гурван хаан” жүжгийн Бүргэд баатар, “Өөрийн замаар” жүжгийн Бүдэрчулуун, “Отелло” жүжгийн Дож ноён, “Кремлийн цаг” жүжгийн Дзержинский, “Гайхамшигт лимбэ” жүжгийн хар феодал гэх мэт олон арван дүрийг бүтээж үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулж байв. Тэрээр Д.Жигжидийн найруулсан “Өглөө” уран сайхны киноны Бодоогийн дүрийг гайхалтай бүтээсэн бөгөөд нийгмийн байдал солигдсон өнөө цагт хэт улстөржсөн дүр болсон гэж урлаг судлаачид шүүмжлэх нь бий. Гэвч, аливаа уран бүтээлч хүн гэдэг тухайн нийгмийнхээ бүтээгдэхүүн болохоор авьяас билэгт олон хүний хөдөлмөр үзэл суртлын золиос болсон нь хэнд ч илэрхий үзэгдэл юм. 40 шахам жилийн өмнө нийтийн хүртээл болсон “Өглөө” гэх энэ кино, Бодоогийн дүр. Өнөөдрийг хүртэл үнэ цэнэтэй кино бүтээл хэвээр байна. 1950-иад оны дунд үеэр дэлгэцнээ гарч, олныг шуугиулсан бүтээл бол “Оч” буюу “Сэрэлт” кино байлаа. “Сэрэлт” кино анх дэлгэцэнд гарахдаа “Оч” нэртэй байсан аж. Сүүлд нэрийг нь өөрчлөн “Сэрэлт” хэмээн нэрлэсэн байна. Төрийн шагналт зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн, театрын нэрт найруулагч Ламзавын Ванган, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Чойжилын Чимэд нар уг киноны зохиолыг бичиж, Монголын кино урлагийн ертөнцөд орж ирсэн нь үнэхээр олзуурхууштай явдал байв.

Зүүн гар талаас Б.Мижиддорж, З.Цэндээхүү, Ц.Цэгмид, Г.Гомбосүрэн, Д.Чимид-Осор. 1953.06.19 өдөр

Монгол Улсын ардын жүжигчин, нэрт найруулагч Сангижавын Гэндэн зохиолч Л.Ванган, Ч.Чимэд нарын кино зохиолыг хүлээж аваад өөрийнхөөрөө нэг их засаж өөрчлөлгүйгээр зохиогчдын далд санааг өөрийн найруулгын болон жүжигчдийн тоглолтоор тодруулан гаргахад гол анхаарлаа хандуулсан нь тун зөв шийдэл байв. Монгол Улсын ардын жүжигчин Цагааны Цэгмидийн бүтээсэн Даш, ардын жүжигчин Зундуйн Цэндээхүүгийн амилуулсан ах ламын дүрүүд онц сонирхолтой болсон нь дээрх хоёр жүжигчнээс аль алинаас нь амьдралын ээдрээнд орооцолдсон хүмүүсийн сэтгэлийн драмыг тодорхой хэмжээнд нэлээд өргөгдсөн орчинд гаргах шаардлага тулгарсантай холбоотой.

“Сэрэлт” кинонд “лавлаа” Дашийн хүү Пүрэвжавын дүрийг бүтээсэн Л.Банзрагч Цэндээхүүтэй хамт тоглож дүр бүтээснээ “Цэндээхүү гуай надад их зөвлөнө. “Одоо би Орос чирхийн цаас хаанаас авсан гээд цохино, Пүрэвжав чи уйлаад байгаарай” гээд л цохино. Нэг онцлог нь бид зураг авалтын үеэр байнга киноныхоо хувцастай байна. Түүнээс гадна бие биенээ нэрээр нь бус дүрийнх нь нэрээр дуудаж, аав нь бол аав шиг нь, эгч нь бол эгч шиг нь харилцана. Тэгж л дүрдээ ороход нь тусалдаг байж тэр үеийн алдартнууд. Цэндээхүү гуай бид хоёр бэлтгэлээ хийж байлаа. Намайг урдаа суулгаад, нуруу руу цохихгүй хоёр тал руугаа балбаад “Ингээд чи орос эхнэрээс чихэр горьд” гээд л. Би бэлтгэл юм чинь гэж бодоод уйлахгүй худлаа орилоод л байлаа. Тэгэхэд “Бүүр чанга уйлж орил. Жинхнээсээ өвдөж байна гэж бод. Чи худлаа уйлаад байна шүү” гэж их л зөвлөнө. Нэг харахнаа Цэндээхүү гуай савааныхаа үзүүрт даавуу жиргээд боочихож. “Дахиад бэлтгэл хийе” гэж байна. Тэгж бэлтгэл хийж байхдаа намайг жинхэнээсээ нэг цохьчихлоо. Час гээд л явчихлаа. Тэгэхээр нь би ёо ёо гээд л уйлж гарлаа. Тэгж уйлахыг сэмхэн авсан нь найруулагчийн болоод зураглаачийн сэтгэлд нийцсэн юм билээ. Жинхэнээсээ цохьсон хэсгийн зураг авалт кинонд байдаг. Цэндээхүү гуай сүүлд нь “Дүүгээ жинхэнээсээ цохьчихсон уу” гээд инээж билээ. Кино зургийг Төв, Булган аймгийн нутагт авсан юм. Нэг хэсгийг нь Толгойтын баруун салаанд авсан. Дотор авсан зураг ч олон бий. Намайг зодож байгаа хэсэг, доктор Сүрэнг авч явсныг хараад бороо орж буй цонхоор хараад зогсдог хэсэг гээд цөөнгүй хэсэг бий. Цэцэг усалдаг саванд ус хийгээд шил дагуулаад урсгаж зураг авах гээд ахмадууд яаж үнэмшилтэй болгоход мэддэг, чаддаг бүхнээ зориулсан. Аав, ээж маань киног хэдэн сарын дараа үзсэн. Манай ээж их уян зөөлөн сэтгэлтэй хүн байж билээ. Лам багш намайг зодохоор “Миний хүүг зараад, зодоод байх юм” гээд дагаад уйлаад байсан гэдэг. Аав, ээж маань хөдөө байсан болохоор би оюутны байр, ах дүүсийнхээрээ байна. Түүнийг Цэндээхүү гуай мэдчихээд “Манайд хүрээд ир, миний хүү бол гэдэг байсан” гэж хуучилсан байдаг.

З.Цэндээхүүг уншигчид “Сэрэлт” киноны ах ламын дүрээр сайн санаж байгаа байх. Охиноо алдсан гэж гунин ирсэн аав, ээж хоёрт ах лам “Та хоёрт эргэж төрөхгүй нь дээ. Халуун цөл газарт хонин гүрвэл болж төрсөн байна. Аргагүй л их нүгэл хийсэн хүн юм даа” гэж байдаг даа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн нэгэнтээ “Би театрт ороод арав гаруй жил олны хэсэгт тоглосон. Тэр үед түүхэн баатарлаг үйл явдалтай жүжгүүд тоглогддог байсан. Харин Цэрэндэндэв ах, Цагааны Цэгмид, Ерөөлтийн Гомбодорж, Зундуйн Цэндээхүү, багш Бат-Очир гуай нарын тоглодог дүрүүдийг бие даан сургуулилж, арав гаруй жилийн хугацаанд өөрийгээ бэлдсэн. Энэ хугацаанд гол дүрд гарах эрхийг өгөөгүй. Би ч өөрийгээ болоогүй гэж боддог байсан” гэж ярьсан байдаг. Ер нь Цэндээхүү жүжигчний тухай үе үеийн уран бүтээлчид авьяас билгийг нь шүтэж байснаа дурссан нь олонтаа. Театрын нэрт зүтгэлтэн Б.Мушгиа “Би түүнтэй тийм ч дотно байгаагүй. Ногоон нүдээ эргэлдүүлээд ширүүн харахад нь их айдаг сан. Энэ тухайгаа жүжигчин Нямын Цэгмид гуайд хэлтэл тэрбээр “Айж явбал аминд тустай л даа. Гэхдээ цаадахь чинь бусдад хал балгүй жигтэйхэн сайн хүн юм шүү дээ” гэсэн” гэж дурссан байдаг.

“Дэлхийд урлагийн сэргэн мандлын нэг л үе байсан шиг Монголд нэг л алтан үеийнхэн бий. 1931 онд Монголд мэргэжлийн анхны театр байгуулагдаж, 1940-өөд онд “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Мандухай цэцэн хатан”, “Ийм нэгэн хаан байжээ”, “Талын баатар” зэрэг түүхэн баатарлаг туульсын том бүтээлүүд тавьж, театрын эхэн үеийн оргил цэгт хүрсэн тэр үед ажиллаж байсан уран бүтээлчдийг би “Алтан үеийнхэн” гэж хэлнэ. Тэр үеийнхэн бол цул алт эрдэнэс байсан юм. Жижигхэн буурай Монголд яаж тэгж тэнгэрлиг авьяастнууд нэгэн үед, нэгэн дор цугласан юм, гайхаад барамгүй. Д.Ичинхорлоо, Шороотын Цэвээн, Балдандоржийн Жадамбаа, за тэгээд хоёр Цэгмид, Д.Цэрэндулам, Зундуйн Цэндээхүү, Д.Чимэд-Осор, Ө.Рэнцэнноров, А.Цэрэндэндэв, Б.Мижиддорж, Цэвээнжав гээд бөхөөр ёстой дархан аваргууд даа” гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор, нэрт найруулагч Найдангийн Ганхуяг дуу алдсан байдаг нь ардын жүжигчин Цэндээхүү болоод тэдний алтан үеийнхэнд тохирсон дүгнэлт гэдэгтэй хэн ч маргашгүй юм.

Зундуйн Цэндээхүү хэмээх Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон дүрийг бүтээсэн эл алдарт жүжигчин Улсын төв театрын жүжигчин байхдаа Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1945 онд, ардын жүжигчин цолыг 1955 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тус тус хүртсэн байдаг. Б.Мушгиа театр урлагийн ойн үзэсгэлэнгийн үеэр “Цэндээхүү гуай үр хүүхэдгүй хүн байсан нь даанч харамсалтай” гэж ярьсан байдаг ч энэ авьяаст жүжигчний тайз дэлгэцийн урлагт бүтээсэн дүрүүд үеийн үед мөнхөрч үлдсэн юм. Тэрээр 1980 онд бурхан болсон байна.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнгийн Гэндэнжамц: Япон цэргийн дарга нар юм сурахгүй хүний мөр, толгойн хуйхыг сэлмээр цавчих энүүхэнд

Түрүүч нь №301(5566) дугаарт

Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байдаг. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 86 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай уулзаж сонин хачныг хөөрөлдлөө.


-Дилов аймгийн төв нь ямаршуухан суурин байв?

-Аймгийн захиргааны байшин нь гадна талаараа хашаатай, хашаанд тулгаж барьсан хоёр намхан байшингийн нэгэнд нь бага сургуулийн сурагчид бид эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгаран суудаг байсан. Цэргийн түр сургуулийн хэдэн байшинд халхын залуучууд зургаан сарын хугацаатай цэргийн алба хаана. Хөл гарын сургуулийг өдөр, шөнөгүй хийж гутал хувцас нь урагдаж нооройсон хүмүүс байсан. Цэрэг хувцас тавьж өгөхгүй тул монгол дээл, гуталтай, урагдсан гутлаа олс дээсээр боочихсон явна. Улаан бурхан, хижиг гэсэн халдварт өвчин гарч цэргийн сургуулиас маш олон хүн үхсэн. Манай бага сургуулиас харин нэг ч хүүхэд өвдөөгүй өнгөрсөн. Сургуулийн тогооч нахиу Гэндэн гэдэг хүн өглөө бүхэн данхтай улаан ус барьж зогсоод хүүхэд бүрийн хоолойг зайлуулдаг байсан. Бодвол маарганцтай ус байсан юм болов уу. Нэг жил хүүхдүүдийн дунд бөөсний өвчин гараад Даариймаа гэдэг хүүхэд өвдөж үхэхээ шахаад бослоо. Сүүлд сонсох нь ээ, бөөсөн тип гэдэг өвчин юм билээ. Бүх бие нь бөөсөнд битүү баригдсан, чих, хамрын нүх, нүдний хөмсгөнд хүртэл бөөс шигдчихсэн байх юм билээ. Жаахан удсан бол бөөс арьс махыг нь цоолж идэх байсан байх.

-Ёстой нэг бузрын өвчин байж дээ?

-Коно багш л Даариймааг усанд оруулж, бүх хувцсыг нь сольсон. Үстэй дээлийг нь гадаа наранд дэлгэж тавиад нэг шар эм цацсан чинь бөөснүүд тал тал тийшээ ус урсах мэт бэлчиж байлаа. Бид дээл тэрлэгээ нөмрөөд халуун ханзан дээр унтана. Ханз гэдэг нь өвлийн цагт доогуур нь гал түлчихдэг шавар ор л гэсэн үг. Бид япон гэдэг нэрийг огт мэдэхгүй. Наран улс, наран багш л гэж ярьдаг байсан. Цагаач халхчууд, наран багш гэсэн хоёр өөр үндэстэн ястан иймэрхүү янзтай нэг дор амьдарна. Цэргийн сургуульд япон болон өмнөд монгол багш нар орно. Урт сэлэм зүүсэн наран багш нар цэргүүдийг их дарлаж зодно. Уур нь хүрвэл сэлмээ шууд сугалж аваад дүрэх цавчих зэргээр харгислана.

-Япончуудын сэлмэнд өртсөн хүн олон байв уу?

-Дугуйцагаан гэдэг тарган цагаан залуугийн мөрийг цавччихсан, өөх нь цухуйж байсныг цэргүүд утаатай шар навтас эсгий шатааж тавиад байсан чинь сайхан эдгэсэн гэж ярилцдаг байсан. Тэр үед ойр зуур хэрэглэдэг эм тан, үзэж хардаг эмч доктор ч байгаагүй цаг байж. Хосоомий гэдэг дарга халхын бүх цэргүүдийг шарх сорвитой болгосон. Наран багш нарт бялдуучлан долигонож хов зөөдөг хүмүүс ч байлаа. Лав л тагнуулч Нанхүү гэдэг хүнээс хүмүүс их болгоомжилж айдаг байсан. Харин нааш нүүх үймээний үеэр хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон доо. Нууц харилцааны хэрэгсэл моорзын аппарат дээр сургууль хийж байгаад ойлгохгүй мунгинасны улмаас наран багшаар толгойгоо цавчуулж хөглөж байснаа Бөнтгөр гэдэг хүн ярьдаг байсан. Бөнтгөр гуай “Хүн гэдэг бол бөх амьтай, зовлон даадаг амьтан. Хуйхны арьсаа эргүүлж наачихаад хичээлдээ боолттой явсаар эдгээсэн” гэдэг сэн.

-Та тэр Хан хугийн сургуульд хэдэн онд сурч байв?

-Жамьяндорж, Жумдаан бид гурав 1942 онд Хан хугийн бага сургууль төгсөөд Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордны дэргэд байсан Багачуудын дунд сургуульд шилжин сурсан. Багачуудын сургуулийг японоор “Ю Нэн Ка Ко”, хятадаар “Юненша шо” гэнэ. Одоо бодоход энэ сургууль япон дэг журмаар ажилладаг байсан юм билээ. Өглөө хоол идэхдээ “Эрт оройн идээн бол бүгд тэнгэрийн хайрласан хишиг. Идатакимс” гэж залбираад иднэ. Идатакимс гэдэг нь японоор хүртье гэсэн үг. Вангийн ордноос баруун хойш хорь гаруй километрт Баян-Овоо гэж уул байсан. Энэ уулыг жил бүрийн зун тахиж тэнд янз бүрийн хүн их цуглана. Анх удаа тэнд гэдэс нь урагшаа цүдийчихсэн, нүд нь ногоон, хөнхөр, хамар нь өндөр шовгор, үс царай нь шар европ хүн үзэж “Ийм хачин хүн бас байдаг аа” гэж ахин дахин эргэж тойрч байж билээ. Сүүлд дуулахад хувьсгалаас зугтан оргож очсон орос хүн байсан юм билээ. Багачуудын сургуулийн зүүн талаар том зам явах бөгөөд ердийн хөсөг, хааяа нэг чийчаан явж харагдана. Нэг өдөр энэ замаар үхрийн хар тугал шиг юм жигтэйхэн хурдтай давхиад явчихсан. Тэгсэн тэр нь одоогийнхоор мотоцикль байсан сан. Машиныг хятадаар чи-чан гэх бөгөөд чи гэдэг нь уур, чан гэдэг нь тэрэг гэсэн үг л дээ. Тэр мотоцикльтой давхидаг хүн бол Өмнөд Монголын Дэмчигдонров ноёны туслах Ишням гэдэг өмнөд монгол хүн байсан. Энэ хүн Баянхонгор аймгийн Баянговь сумаас Алшаа нутагт дүрвэж очоод байсан Дорждулам гэдэг хүүхэнтэй ханилан сууж байсан тухай доктор С.Бадралын бичсэн “Өврийн хувилгаан багштай дүрвээд, эргэж ирсэн Ламын гэгээний шавь халхчуудын хууч яриа” гэдэг номд тодорхой дурдсан байдаг.

-Тантай хамт суралцаж байсан нөхдийн тань хувь заяа хэрхсэн бол?

-Би Багачуулын сургуульд элсэн зургаан сар болоод хөдөө мал малладаг эцэг маань нас барсан учир мал дээр гарсан. Жамьяндорж Монгол Улсдаа ирээд нэгдүгээр арван жилийн сургуулийг төгсөж, улмаар ЗХУ-д дээд сургуульд суралцан санхүү, эдийн засгийн мэргэжил эзэмшиж Сангийн яаманд БНМАУ-ын ерөнхий нягтлан бодогчоор олон жил ажиллаж, одоо эрүүл саруул амьдарч байгаа сурагтай. Жумдаан маань 1945 онд Ар Монголын цэрэг очих үед өвчнөөр нас барсан гэдэг.

-Танайхан Монголдоо хэзээ, яаж орж ирэв?

-Цагаач халхчуудын бүх өрхийн тэргүүлэгчид 1945 оны долдугаар сард аймгийн захиргаан дээр цугларан хуралдаж Дилов аймгийг татан буулгаж, Баруун Сөнөд хошуунд харьяалуулах болсон. Ингэж байгуулагдаад зургаа, долоон жил болсон Дилов аймгийн үйл ажиллагаа дуусгавар боллоо. “Ар Монголын цэрэг хориод хоногийн дараа орж ирнэ. Замаас зайлж нүүцгээ” гэж зар тарсны дагуу айлууд тал тал тийш нүүж, манайх Ундрахын элс гэдэг элсэн манхан дунд буусан. Наймдугаар сарын зургаан долооны үед элсэн манхны оройгоос харахад баруун хойд зүгт битүү улаан тоос манараад байсан нь Монголын цэрэг орж ирж байсан нь тэр юм байж. Үүнээс хойш нэг их удалгүй Баруун Сөнөд хошууны төв Вангийн ордон дээр Ар Монголын цэрэг Өмнөд Монголын ард түмнийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсний баярыг тэмдэглэн бөх барилдуулж, морь уралдуулан наадам хийсэн. Энд Ар Монголын дарга нар үг хэлж байсантай манай цагаач халхчууд таарч нутаг ус, ах дүү саднаа сураглан бөөн баяр хөөр, уйлаан майлаан болж байсныг би сайн санадаг. Удалгүй халхчууд нутгийн зүг нүүх болж илүү гэр, овор ихтэй зүйлээ хаяж хойт хилийн зүгт бөөгнөрч эхэлсэн. Яг энэ үеэр Өмнөговиос дүрвэж гарсан Очирдара хувилгаан, жасын нярав цоохор Найдан, Жаал Чанрав, Дагданпунцаг нарын хүмүүс гэр бүлийн хамт оргож алга болсон байв. Арван хэдэн морьтой, ногоон хувцастай цэргүүд давхилдан “Очирдара лам хаа байна” гэж хүн амьтнаас асуусан ч олдоогүй юм.

-Тэд хаашаа явсан хэрэг вэ?

-Сүүлд сонсоход цоохор Найдан насбарж, Дагданпунцаг урд нутагт үлдэж, Очирдара лам, Чанрав нар Энэтхэгт цагаачилж очсон байдаг. Очирдара лам жараад оны үед өөд болж,Чанрав гэр бүл, үр хүүхдүүдийн хамт Монголдоо ирж насан өөд болсон. Хүүхдүүд нь одоо Монголдоо байгаа.

-Цаг цөвүүн үед Ар Монголдоо байхдаа гэмт хэрэг хийсэн хүмүүс урагшаа хил давсан л байгаа даа?

-Зарим халхчууд дүрвэн гарахдаа хоршоо дэлгүүр тонон дээрэмдэж, хүн алах зэргээр их л будлиан самуун үүсгэсэн юм гэсэн. Тиймэрхүү муу үйл хийсэн Дэлэгсамба, алаг Намнан гэх хүмүүсийн сураг дуулддаг байсан. Гэхдээ бидний амьдарч байсан Баруун Сөнөд хошуунд тэд амьдарч байгаагүй. “Дэл хөнжлөөр нутагладаг уу, Дэлэгсамбатай холбоотой юу” гэсэн байцаалтын асуулт хүртэл байсан гэдэг. Алаг Намнан гэдэг хүн алуулсан гэх бөгөөд түүний эхнэр Хандсүрэн Жамбалцэрэн гэдэг хүнтэй сууж байгаад Өмнөговьд нутагтаа ирж насан өөд болцгоосон юм билээ.

-Чөлөөлөхөөр очсон орос, монгол цэргүүд дүрвэгсэдтэй яаж харьцдаг байв?

-Дайны хажуугаар дажин гэж их үнэн үг шүү. Нааш нүүх санаатай бүх айлууд нэг газар бөөгнөрөөд буучихсан байсан чинь гэнэт хоёр муу морь уначихсан орос цэрэг ирээд айлуудыг дээрэмдэж, гэгээн цагаан өдөр охид хүүхнүүдийг хүчиндэх гэж бөөн юм болов. Хүмүүс цугларч бөөн үймээн шуугиан болж охидоо арай л хүчиндүүлсэнгүй. Тэгсэн нөгөө хоёр орос хоёр муу морио хаяад хэдэн сайхан морийг аваад явчихаж. Жооног Дэндэв гэдэг залуугийн ч хоёр сайхан морийг аваад явсан байв. Дэндэв нөгөө хоёрыг алсаас бараагий нь хараад дагаад байж. Хоёр орос Тамчийн тал гэдэг газар очоод морьдоо чөдөрлөөд шөнө унтаад өгөхөд нь Дэндэв сэмхэн хэдэн морьдоо суллаж тавиад хөөгөөд ирж. Эзэнгүй талд явган үлдсэн хоёр оросын хувь заяа хааш эргэснийг бүү мэд. Морь унаагаар хэдэн өдөр ч яваад гаталж барамгүй арвин тал шүү дээ.

-Монголдоо нүүж ирэхэд байдал ямаршуухан байв?

-1945 оны наймдугаар сард Баруун Сөнөдөд байсан таван зуу гаруй халх айл нэгэн зэрэг хил давж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг Тоодогийн нуур гэдэг газар хэсэг саатаж, хүн малын тооллого явагдсан. Дотоод яамныхан хориос дээш насны бүх хүнээс байцаалт авсан. Эндэх хүмүүсээс Өмнөд Монголд цэргийн түр сургуульд байсан хорь гаруй эрсийг баривчилж тэмээн дээр мордуулан, хөлийг нь доогуур нь холбож уяад, нүдийг нь алчуураар боож, гарыг нь ард нь хүлээд тэмээний бурантгийг хүзүүнд нь эвхэж, таван цэрэг сул тууж аймгийн төвд авчирсан байдаг. Нүүдэлчдийн олонхи болсон Балдан засгийнхан буюу өмнөговийнхон Дорноговь аймгийн Иххэт суманд, Түшээ гүнийхэн буюу Дундговийн цөөн айл Хар-Айраг суманд, баянхонгорынхон буюу Ламын гэгээнийхэн Иххэт суманд арваад жил суурьшин суусан юм. Өссөн төрсөн нутагтаа шилжин суухыг удаа дараа хүсч өргөдөл хүсэлт гаргасныг 1955 онд дээд газраас зөвшөөрсөн ёсоор өөр өөрийн нутагтаа очицгоосон доо. Би Иххэт суманд шинэ үсгийн багшаар анхандаа ажиллаж байлаа.

-Түүнээс хойш ямар ажил алба эрхлэв дээ?

-Иххэт сумынхаа анхны хоршоонд тоо бүртгэгч, мөнгөний нярваар ажиллаж, тавиад онд хоршооны даргын алба хашсан. Ажлаа нэр төртэй хийж Худалдааны техникумд суралцаж төгсөөд ЗХУ-ын Москвагийн Мал эмнэлгийн академийн амьтны гаралтай түүхий эдийн бараа судлалын дээд сургуулийг дүүргэлээ. Эх орондоо ирж ажил албаа гүйцэтгэж байгаад Новосибирск хотын Хоршооллын худалдааны дээд сургуулийн дээд курс, Зөвлөлтийн Шинжлэх ухаан техникийн ордны дэргэдэх Ардын их сургуулийг тус тус дүүргэж сумын анхны хоршооны тоо бүртгэгчээс Хөдөө аж ахуйн дээд сургуульд багш, Худалдаа бэлтгэлийн яамны тасаг, хэлтсийн дарга, газрын орлогч дарга зэрэг албыг хашсан байна даа. Монголын ард түмний гавьяат худалдааны ажилтан, Түүхий эдийн бараа судлалын магистр, Олон улсын ангийн үс судлалын нийгэмлэгийн Азийн салбарын гишүүн, ийм л хүн дээ, би.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнгийн Гэндэнжамц: Япончууд дүрвэгч халхуудыг цуглуулж Дилов аймгийг байгуулсан

Өнгөрөгч зууны гучаад оны үед манай улсын олон айл өрх Өмнөд Монголын нутагт дүрвэн гарсан байдаг. Тэдгээр айлууд Өмнөд Монголын Алшаа, Дархан бэйл гэдэг газарт хэсэг бүлгээр тархай бутархай аж төрж байгаад гучаад оны сүүлчээр Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд бөөгнөрч Дилов хэмээх аймгийг байгуулан амьдарч байжээ. Тухайн үед 600 гаруй айл өрх дүрвэн гарсан тухай яриа байдаг бөгөөд 1945 онд 502 айл эх орондоо буцаж ирсэн байна. Тэр үеийн үйл явдлын халуун голомтод байсан хүмүүсээс эдүгээ насны эрхээр гарын арван хуруунд багтам амьд түүхийн цөөхөн гэрч үлдсэн байдгийн нэг 86 настай Цэрэнгийн Гэндэнжамц гуайтай уулзаж сонин хачныг хөөрөлдлөө.

-Хэлмэгдүүлэлтийн үед Өмнөд Монгол руу манай олон айл өрх дүрвэсэн гэдэг байх аа?

-Гучаад оны үед Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын олон айл харгислалаас зугтан Өмнөд Монгол руу дүрвэн гарсан байдаг. Улсын баруун хилээр олон арван айл өрх Хятадын Шинжаан нутагт, мөн зүүн хил Дарьганга чиглэлээр цөөн тооны айл дүрвэсэн юм билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Их Богдын өврөөс Өврийн лам Жамбалзундуйгаар ахлуулсан Ламын гэгээнийхэн, Өмнөговиос Очирдара лам тэргүүтэй Балдан засгийнхан, Дундговиос Ганжуурваа ламаар толгойлуулсан Түшээ гүнийхэн гэсэн айлууд тус тусын чиглэлээр Өмнөд Монголын Эзний гол, Урд дунд гүний хошуу зэрэг газруудад цагаачлан амьдарч байлаа. Ар халхаас урд зүгт дүрвэн гарсан их хутагт Дилов Жамсранжав гучаад оны сүүлчээр Өмнөд Монголын зүүн талаас баруун тийш явж цагаач халхуудтай уулзан “Газар газар тархай бутархай зовж зүдэж байхаар нэг дор бөөгнөрсөн нь дээр” гэж цагаач 600 гаруй айлыг Муумянган хошуунд хошуунд бөөгнүүлсэн юм билээ. Муу мянган гэдэг нь энэ хошууны ардууд ноёныхоо хатныг хөнөөж бэлиг эрхтнийг нь шарж идсэн учраас муу махан хошуу гэж нэрлэсэн гэгддэг байсан нь хожмоо Муумянган хошуу болж өөрчлөгдсөн юм гэнэ лээ гэж цуурдаг байсан.

-Цагаач халх айл өрхөөс бүрдсэн аймаг хүртэл байгуулсан гэл үү?

-Гучаад оны сүүлч гэхэд одоогийн Эрээн хотоос урагш, Сайхан талаас зүүн тийш Бүтэмж хошууны төвөөс хойш хуучин хятад цэргийн хуаран байсан туурь Ханхүү буюу Панжаан гэдэг газар дүрвэж гарсан их хутагтын нэрээр нэрлэсэн Дилов аймаг хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдсан. Тэр үед япончууд зүүн хойд Хятадыг эзлэн засаглалаа тогтоосон байсан учир бүх л үйл ажиллагаа япончуудын удирдлагаар явагдаж байлаа. Дилов аймаг байгуулагдах үеэр Дилов хутагт Өмнөд Монголд байгаагүй, япончууд зөвхөн алдар хүндийг нь л ашигласан юм билээ. 1910-аад оны үед Хятадын хар цэрэг энд бөөгнөрч байгаад Ар Монголын хилийг давдаг байсан гэж нутгийн хүмүүс хуучилдаг байсан. Тэр үед Өмнөд Монгол таван аймаг, 49 хошуутай байсан ч халхуудаас бүрдсэн засаг захиргааны нэгжийг аймаг гэж томруулан нэрлэсэн нь их л онцгойлсон хэрэг байж. Аймгийн захиргааг Зургаан гэдэг байсан. Ямар учиртай нэр байсныг мэдэхгүй юм. Анхны Зургааны даргаар Ар Монголоос оргож очсон Намсрай гэдэг хүн, орлогчоор нь Очирдара лам, Ганжуурваа хутагт нар ажиллаж байсан. Намсрай нь Ар Монголын тагнуул болох нь илэрч, японд баригдаж алуулсан гэж ярьдаг байсан. Дилов аймгийн төвөөс зүүн тийш Гашууны ус гэдэг газарт монгол гэрийн хэлбэртэй халхуудын хийд шинээр байгуулагдаж ном хурдаг байлаа. Халхууд нааш нүүхдээ овор ихтэй хөрөнгө хогшлоо тэнд их орхисон. Бодвол нутгийн хүмүүс тэр эд хогшил дээр найрласан биз. Гашууны хийдийн лам нар дөчин таван онд нүүж ирээд Дорноговь аймгийн Иххэт сумын зургадугаар багийн нутаг Нүдэн хэмээх газар шинээр хийд байгуулж арваад жил болоод Улаанбаатарын Гандантэгчинлэн хийдийнхэнтэй нийлсэн дээ. Нэгэн үе Гандангийн их хамбаар ажиллаж байсан Дагвадорж гуай бол Гашууны хийдэд шавилан сууж байсан лам нарын нэг байсан.

-Тухайн үед урд талд байдал ямаршуухан байсан бол?

-Тэр үед Өмнөд Монголд Ар Монголын тагнуул их очдог байлаа. “Тагнуул баригдаж гэнэ. Буцаад хил даваад зугтчихаж гэнэ” гэсэн яриа их дуулдана. Нэг удаа япончууд Монголын нэг цэргийг бариад Хан хугийн төв дээр ирж хонохдоо ганцааранг нь гэрт хийгээд цоожилчихож. Шөнө халхын хэдэн цагаач залуус гэрийн хаяаг өргөн дотор нь байсан цэргийг гарган, унаа морь олж өгөн зугтаалгаж. Маргааш нь япончууд “Олзлогдсон цэрэг оргоод явчихаж” гэж баахан хайснаа, яваад өгсөн, бодвол явуулын улс байсан шиг байгаа юм. Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул “Алтан панз” хочит Батсүх тагнуулчаар очоод баригдаж Хан хугийн төв дээр гадуур ажил хийдэг байсан. Тэгэхдээ халхын Балжин хүүхэнтэй ханилж их л чөлөөтэй байж байтал Жанчхүүд аваачаад хорьчихож. 1945 онд Монголын цэрэг Өмнөд Монголыг чөлөөлөх үед тэнд хоригдож байсан бүх хүн суллагдаж эсэн мэнд нутагтаа ирсэн юм гэсэн. Нөгөө Батсүх ч нутагтаа ирчихсэн айл хэсээд архи уугаад явж л байсан. Алтанширээгийн уугуул хүрэл Наваан гэдэг хүн Жанчхүүгийн шоронгоос оргож өдөр нь гуу жалга, уул хаданд бүгэж, шөнө нь нуугдаж явсаар сар гаруйн дараа цагаач халхууд дээр ирж унаажин хөл залгаад хил давсан гэж ярьдаг байсан.

-Дайн тулаантай цөвүүн цагт монгол ахан дүүс маань нэгэндээ хэр элэгтэй хандаж байв?

-Нэг айлд Ар Монголын гурван тагнуул ирээд явлаа гэсэн мэдээ сонсоод нутгийн нэг ноён хэдэн хүн дагуулаад нөгөөдүүлийг барихаар явж. Тэдний дунд халхын цагаач сагсуу Дагва гэдэг хүн байж. Тэр үед буу зэвсэг ховор, гол төлөв цахиур буу хэрэглэнэ. Сагсуу Дагва хаанаасаа ч олсон юм, тэр үеийн боловсронгуй зэвсэг болох бирдаан буутай байж. Ноён тэргүүтэй хүмүүс нөгөө гурвыг гүйцэх үед тэд хил рүү зугтаахад Дагвыг “Бууд” гэж тушаасан ёсоор нэгийг нь буудаж унаган, хоёр нь хил даваад явчихжээ. Дагвыг Алшаа яамнаас дуудсан ёсоор очиход “Эв хамтын тагнуулыг устгахад гавьяа бөайгуулсан” хэмээн нэг мориор шагнаж. Дагва тарган бор морь хөтлөн гэртээ хүрээд ирэхэд хавь ойрынхон аль хэдийнэ дуулчихсан чулуу модоор шидэж, хөөж тууж хачин юм болов. Зарим цагаач залуус Дагвыг хэвтэрт ортол хэдэнтээ зодож, үүдэн шүдийг нь хуга цохьсон байв. Үүнээс хойш Дагвынхан халхчуудаас нэлээд зайдуу бараадах төдий амьдардаг болсон юм. Дагва дөчин таван онд Монголд орж ирээд баригдаж яваад буцаж ирээгүй. Бодвол зохих шийтгэлээ хүлээж тэр чигтээ алга болсон байх.

-Цагаач халхууд ч их өрөвдөлтэй байж дээ, зайлуул?

-Жүгдэр чавганцынх гэж хоёр чавганцтай, хоёр хүүхэнтэй айл байсан. Тэд нар их уйламхай, юм л бол бүгд уйлцгаана. “Тэнд нэг хүн үхэж” гэвэл биенээ дагаад енгэнэтэл уйлцгаана. Нутгийнхан эднийхийг “Уйлдагийнхан” гэж хочилцгоох. Халхын тагнуул алагдсаныг сонсоод эднийхэн хоёр гурав хоног уйлцгаасан юм байх. Худалдаа арилжаа хийх гэсэн наймаанууд их явна. Наймаа гэдэг нь маймаа гэдэг хятад үгээс гаралтай, манайхан сонсголоороо м үсгийг н болгож дуудсанаар наймаа гэсэн нэр үүсэж. Данжаад гэсэн нь харин дарга даамал, эзэн гэсэн утгатай. Дамнуурга мөрөн дээрээ тохож поолуу сагс үүрч намбаганан явах наймааг баартуу гэнэ. Баартуу гэдэг нь зарц боол гэсэн үг. “Хонь тэмээний ноос авна” гээд нэг тэмээ унасан наймаа ирсэн. Манай хөгшчүүл тэр хүний хөлийг хараад “Энэ данжаад урьд нь баартуу байсан хүн байна” гэдэг байлаа.

-Баартууг нь яаж таньсан юм бол?

-Тэр данжаадын хөл нь хавтгай болоод сарвайчихсан байна гэнэ. Баартуу хүний хөл андашгүй, хүнд юм үүрч явган явсаар байгаад хөл нь хавтгайраад сарвайчихсан байдаг юм санж. Данжаадууд морь унаатай явдаг учир хөл нь эвдэрч хэлбэр дүрсээ алдаагүй цомбогор хэвээр байдаг юм байна л даа. Намар цагт айлуудын эсгий хийх ноосыг савж өгнө гээд нум сумны нум үүрчихсэн хоёр наймаа явдаг байлаа. Айлын хашаа пүнзний мухарт том ширээ шиг юм засчихаад түүн дээр ноос асгаад нумаа ноосныхоо голд хийчихээд нум сум харвах гэж байгаа юм шиг хөвчлөөд татаж тавиад байна. Үүнийг ноос нумдах гэнэ. Тэгээд хонины ноосыг яах ийхийн зуургүй сэмлээд хаячихна. Нарийн технологи нь юундаа байсныг сайн мэдэхгүй юм.

-Монголын хилийн цэргээс японд урвасан хүмүүс мэр сэр байдаг байсан гэл үү?

-Японы цэргийн хэргэм зэрэгтэй, цэрэг хувцастай нэг цэргийн дарга халхчуудын дунд үе үе үзэгдэх. Батбуян хэмээх тэр хүн японд цэргийн сургууль төгссөн, уугуул нутаг нь Архангайнх юм байна. Батбуян нутагтаа нэг хүүхэнтэй хайр сэтгэлтэй болж хурим найр хийх, хамтран амьдрах тухай ярьж байтал гэнэт цэрэгт татагдаж, урд хил дээр цэргийн агт маллах болж. Цэрэгт ирсэн даруйд хүүхнээс ганц хоёр захиа ирж байснаа сүүлдээ захиа огт ирэхээ байж, Батбуян хэчнээн их захиа илгээвч чимээ ч үгүй тул “Өвдөж зовсон юм болов уу” гэж дэмий л сэтгэл зовж хоног өдрийг өнгөрөөх болж. Батбуян нутгаасаа хоёул цэрэгт ирсэн юм байж. Анхны жил өнгөрч байхад нутгийн цэргийн ах нь дүүгээ эргэхээр иржээ. Батбуян бөөн баяр болж хүүхнээ асуусан чинь нутгийн баян айлын хүүтэй суучихсан гэж. Ингээд Батбуян нэг шөнө оргож Өмнөд Монгол руу гараад очиж. Япончууд Батбуянг шууд сургуульд явуулсан байдаг. Мань эр Японы цэргийн сургуульд гурван жил сурч төгсөөд салаа цэрэг захиран 1945 онд Төмөртэй тосгоны хавьд тууж явахдаа “өст хүн Өлийн даваан дээр” гэгчээр хуучин салаан даргатайгаа халз тулгарч баригдан ирж, 15 жил шийтгүүлж ялаа эдэлж дууссан байдаг. Тэр тавин хэдэн онд шоронгоос суллагдаж, тэр үеийн Долдугаар гуанзанд манаачаар ажиллаж байсан. Батбуян “Би хүүхнээс болж балрах шахсан хүн. Энэ засаг энэрэнгүй сайхан засаг, би өчиггүй буудуулах байсан хүн” гэж байнга ярьдаг байсан.

-Монголоос хятадууд эх орон руугаа мэдээж гардаг байсан байлгүй?

-Гучаад оны сүүлээр нэг жил гурван зуу гаруй хятад хүн Монголын хилээс урд зүгт Баруун Сөнөдийн нутаг дамжин явган явж өнгөрсөн. “Хил давуулаад хаячихсан юм байх аа” гэлцэж байв. Олон хүн замдаа өлсөж, зарим нь өвчнөөр үхсэн. Нутгийн хүмүүс хоол цай зөөж өгөөд нэмэр болохгүй үхээд байсан гэдэг. Нэгэнт дордсон хүн сэхдэггүй юм байна лээ гэж ярьж байсан. Заримаас нь Монголд ямар байна гэж асуухад “Үхэр Монгол их муу. Үхвэл таарна” гэлээ гээд доог тохуу болцгоож байсныг сайн санаж байна.

-Та тэр үед юу хийж байв?

-Дилов аймгийн төвд хоёр жил болоод төгсдөг бага сургууль, зургаан сараас хоёр жилийн хугацаагаар ажилладаг Цэргийн түр сургууль байсан. Бага сургуульд монгол бичиг, дөрвөн аргын тоо, япон хэл зэрэг хичээл орно. Багш нар нь гол төлөв Ар халхаас оргож очсон хүмүүс байлаа. Мухар хуруу Пунцаг гэж багш улаан шороо тавьсан хаврын өдөр хүүхдүүдийг жагсаан алхуулаад “Дэлхийн хөдөлмөрчдийн баяр мандтугай. Банзай” гэж хашгируулж байсан. Банзай гэдэг нь японоор ура гэсэн үг. Биднээр “Бүхий олон багачууд…” гэсэн дууг заан дуулуулдаг болсон. Хэн зохиосны нь ч мэдэхгүй. Нэг мэдсэн нэг япон хүн хүүхдүүдийг ээлжлэн дуудаж уулзан “Энэ дууг хэн зааж өгсөн, ямар утга агуулгатай дуу вэ” гэх мэтээр байцаах болов. Удалгүй Пунцаг багш “Эв хамтын эсэргүү тагнуул хүн юм гэнэ” гэсэн яриа гарч нэг л шөнө тэр алга болсон. Түүнийг тагнуул гээд бариад явсан юм билээ. Бид дээд тал нь 12-13 насны хүүхдүүд юугаа мэдэхэв. Тэр үед тагнуулч ч бай, биш ч бай “Эв хамт” гэсэн үгтэй нэг л холбогдвол амьд гарна гэсэн ёсон байхгүй, өчиггүй буудуулдаг байсан. Ар Халхаас очсон гэм зэмгүй олон хүн ийм байдлаар амь насаа алдсан.

-Пунцаг багшийн чинь оронд ямар багш томилогдов?

-Өмнөговийн уугуул өндөр Ойдов гэдэг хүн бидэнд хичээл зааж төгсгөсөн. Ойдов багш бас баригдаж Жанчхүү хотод хоригдож байхад нь азаар Монголын цэрэг чөлөөлж, дөчин таван онд энд ирээд “Японы тагнуул, эх орноосоо урвагч” гэсэн шалтгаанаар баригдаж олон жилийн ял сонсон шоронд орсон. Арваад жил хатуу газар суугаад ялаа дуусган Өмнөговь аймгийн Хүрмэн суманд амьдарч байгаад насан өөд болсон доо. Түүний хүү Баяр Хүрмэн сумын орлогч даргыг насаараа хийж байгаад тэтгэвэртээ гарч одоо эрүүл сэрүүн амьдарч байна.

-Япон багш хичээл ордог байв уу?

-Коно гэж япон багш япон хэл заадаг байсан. Хүүхдэд жигтэйхэн хайртай. Хүүхдүүдийн үсийг хусаж өгч, чихний хулхийг ухаж өгөх зэргээр бидэнтэй эрээ цээргүй харьцана. Бид ч Коно багшдаа их хайртай. “Хүүхдүүдийн хоол ундны чанар чанар муу, ариун цэвэр хангалтгүй байна” гэж ярьдаг ганц хүн байсан. Коно багш нэг жил хэртэй болоод яваад өгсөн. Сүүлд сонсоход “Эв хамтын үзэл санаатай эсэргүү байсан учир халхчуудын дунд ажиллуулж болохгүй” гэж үзсэн юм гэсэн яриа дуулдсан.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ нийгэм

Гэр музей болсон Жамбын Дашдондогийнх

Монгол Улсын төрийн соёрхолт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайтай баасан гарагт холбогдож, хагас сайнд гэрт нь өнжихөөр тохиролцов. “Ахынх нь хотын төвд “Залуучууд” зочид буудлын ар талын байранд” гэсэн болохоор олоход тун амархан аж. Монгол хүний бэлгэшээл бодож морин цагт гэрт нь очвол төрийн соёрхолт маань хаалгаа нээж, уриалгахнаар бидний хувцсыг өлгүүрт тохож байна. Наран талын мухрын өрөөнд оруут зүүн талын ханаар нь дүүрэн дэлхийн хүүхдийн сонгодог зохиолчдын зураг хөрөг өрөөтэй харагдах бэсрэгхэн музейд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэх юм. Өнгөрөгч баасан гарагт тэр хоёрдахь том шагналаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаас хүлээн авчээ.

Түүнийг хүүхдийн нэрт зохиолч Дамдинцоогийн Содномдоржийн нэрэмжит анхны шагналын эзнээр тодруулсан байна. Тэрээр сайдад “Би саяхан төрийн шагнал авсан. Багшийн маань нэрэмжит шагналыг уран бүтээлээ ид туурвиж байгаа залуу хүнд өгчих” гэж хэлээд бараагүй байна. Гэргий Тогтохын Хандсүрэн нь цай цүй болон гялав шалавхийнэ. Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул буриад басхан маань хүүхдийн эмч мэргэжилтэй нэгэн бөгөөд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд олон жил ажиллажээ.

Дашдондог зохиолч улаан гэрэл асдаг хуруун чинээ дохиураа барьж гэр-музейнхээ зургуудыг тайлбарлаж өгч байна. Шведийн хүүхдийн нэрт зохиолч Астрид Линдгренээс нэгэнтээ ирүүлсэн шинэ жилийн мэндчилгээг зургийн хамт тайлбартайгаар тавьж. Астрид Линдгренийг манайхан “Дээвэр дээр суудаг Карлсон, Жаалхүү хоёрт тохиолдсон явдал” алдарт бүтээлээр андахгүй мэднэ. За тэгээд, Катерон Патерсон, Энэтхэгийн хүүхдийн зохиолч Манарона Жапе, Японы Мичио Маро, Канадын Маргерет Рүпс, Оросын хүүхдийн нэрт зохиолч Сергей Михальков, “Луугийн хүү Таро” зохиолоороо алдаршсан Японы хүүхдийн гарамгай зохиолч Мацутани Миёоко нартай авахуулсан зургуудаа томоор угаалгаж ханандаа өлгөсөн нь танин мэдэхүйн болоод маш олон талын мэдлэг мэдээлэл өгөхөөр аж. ЗХУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Сергей Михальков Ж.Дашдондогийг гэрт нь айлчилж очиход “Таны авьяаслаг шүлгүүд олон хэлнээ хөрвүүлэгдэхэд нүүр улайхгүй юм. Хүүхдэд зориулсан сайн яруу найрагч Монголд байдаг гэдгийг хүмүүс мэдэж аваг” гэсэн гарын үсэг бүхий тэмдэглэлийг ханандаа жаазлан хаджээ. Мацутани Миёокогийнд айлчилж очиход цагаан муур нь Дашдондог гуайг үнссэнд наран зохиолч ихэд баясан нүүр өгсөн гэх жишээний. Дашдондог гуайн аав Жамба бол Монгол Улсын хүндэт мэргэн харваач цолтой хүн байж. Тэрээр аав ээжийнхээ зургийг ихэд хүндэтгэлтэйгээр номын өргөөндөө залжээ.

Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог төрөлх хэлээрээ 100 гаруй ном, гадаад хэлээр гуч гаруй номоо хэвлүүлсэн соён гийгүүлэгч хүн. Түүний “Ногоон морь”, “Алтан хөрш” зэрэг бүтээлүүд япон хэлээр, “Хар шувууны цагаан түүх” ном хятадаар, “Морьтой үлгэр” нь малайз, араб, солонгосоор, “Мазаалай” нь германаар орчуулагдан хэвлэгдсэнийг босоо тавиурт өрсөн нь өнгө алаглан нүд баясгана. Хүүхдийн зохиолчийн “Гэр” гэдэг үлгэрийг Дэлхийн шилдэг үлгэрийн санд худалдаж авсан гэнэ. Одоогоос хоёр жилийн өмнөх есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхдүүдэд хичээл заахдаа эл үлгэрийг ашигласан гэж байна. Тэрээр гадаадад хэвлүүлсэн номуудынхаа орлогыг Нүүдлийн номын сандаа зориулж, эх орныхоо говь, хангай, хөвч тайга бүхий 330 сумд зочлон очиж хүүхэд багачуулд хүрч үйлчилжээ. Ж.Дашдондог гуай эцэг эхээс дөрвүүл бөгөөд айлын ууган хүү гэв. Дүү Цолмонбаатартайгаа хамтарч сая төрийн соёрхол хүртээд буй “Аав, ээж, би” номыг бүтээж байсан бол тэр сайхан зураач дүү нь тэнгэрийн оронд одсон гэнэ. Удаах дүү Ганбаатар нь орон сууцны цахилгаан шат угсардаг мэргэжилтэй хүн бөгөөд түүний хүү Алтантүрүүг “Танайд хоноё” нэвтрүүлгээр нь монголчууд андахгүй биз. Отгон дүү Ж.Сүнжидмаа нь Дэлхийн банкинд ажилладаг гэсэн.

Төрийн шагнал авснаас нь хойш хүүхдийн зохиолчийн босго овоо элэгдээд байгаа аж. Ах дүү нар, мэргэжил нэгт найз нөхөд нь ирэхээс гадна гадаад, дотоодоос утас шөрмөс, цахим захидал, зурвасаар баяр хүргэх нь их байгаа гэлээ. Түүний тухай “Тэмээтэй номын сан” судалгааны ном бичсэн уран бүтээлийн анд Маргарет Рүүпс гэхэд утасдаж баяр хүргэлээ гэж зохиолч их л баярлаж сууна. Тэрээр өнгөрөгч онд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон “Чихрийн цаасан дээр бичсэн үлгэрүүд” номоо гаргасан нь нүдний гэм болоод байгаа бололтой. “Хүн хамгийн завгүй үедээ л хамгийн сайн зохиолуудаа бичдэг юм байна. Хүүхдийн хэвлэлийн редакцийн эрхлэгчийн алба хашиж байхдаа би овоо бүтээл хийсэн шүү” гэж хуучлах Дашдондог зохиолч “Аранзал зээрд” шүлгээ уншихдаа ширээн дээр морины явдлыг товшин сонирхуулав. “Хурга хурга чи яагаад хундан цагаан болсон юм бэ”, “Наашаа цаашаа”, “Дүүжин даажин” зэрэг зургаан шилдэг шүлгээ тэрээр “Тэмээн дээрээс наран ойрхон” дуугаараа алдаршсан яруу найрагч Жан.Шагдарын захиалгаар ганцхан шөнийн дотор бичиж байжээ.

Нүүдлийн номын сантайгаа 330-аад сумаар оржээ

Арван долоохон настай байхдаа “Аргатай хүү” номоо 1958 онд хэвлүүлж байсан гэхээр аргагүй бахархалтай санагдана. Номын шагналын 500 төгрөгийг аавдаа илгээсэн баримтаа үзүүлсэн тэрээр “Би оюутан байхдаа жил бүр номынхоо шагналын мөнгийг аав ээждээ явуулсан хүн. Тэднийхээ ачийг хариулах гэсэн хүсэл минь намайг зохиолч болгосон байх” гээд инээмсэглэж байна. Цэрэг элсүүлж байгаа юм шиг газар газраас авьяастнуудыг цуглуулсан хүүхдийн их зохиолч Д.Содномдорж түүний багш ажээ. “Монгол Улсын хөдөлмөрийн Лодонгийн Түдэвт уран бүтээлийн ордон барьж өгье” гэж төвийн хэвлэлд олон жил бичсэн тэрээр нийслэл хотод Хүүхдийн номын сан байгуулах хүсэлтэй хүн юм. Төрсөн нутаг Булганы Бүрэгхангайдаа ойд уран бүтээлийн байшинтай агаад зундаа очиж дугуй унан зугаалахаас гадна өвөлд цана, тэшүүрээр ойр ойрхон гулгадаг болохоор бие хаа эрүүл энх, ухаан санаа саруулхан 75 насыг зоогложээ. Хананд нь өвөрмөц гитар харагдана. Гэргий нь гитар, өөрөө баянхуур тоглодог гэнэ. Түүний орос хэлнээс орчуулсан ном жараад орчим болж “Дэлхийн хүүхдийн яруу найргийн дээж”, “Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж” хэмээх хоёр ботийг эх барьж авчээ. Цаа буга унасан нэгэн зургийн түүхийг асуувал “Ар тайгын хүү” нэртэй номоо бичихээр Хөвсгөлийн Улаан-Уул суманд томилолтоор очиж байсан үе” гэж тайлбарласан.

Ж.Дашдондог Б.Ринчен, Д.Гармаа, Д.Содномдорж нарын зохиолчдын хамт.

1970-аад он

Биднийг ийн ярилцах зуур утас нь дуудаж байна. Тэрээр утсаар ярьсны дараа зурагтаа асаах зуураа “Готовын Аким найз маань ярьж байна. Миний оролцсон нэвтрүүлэг гарч байна гэнэ” гэлээ. Нээрээ ч “Сүлд” сувгаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Нацагийн Даваадашийн түүнтэй хөөрөлдсөн яриа гарч байна. Дашдондог зохиолчийн хүү Боролзой Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд ажилладаг. Удахгүй эрдмийн цол хамгаалахаар зүтгэж байгаа аж. Ж.Дашдондог гуай дэлхийн 28 улс оронд зохиол бүтээлийнхээ буянаар айлчилж зочилсон хүн. Тиймээс ч тэрээр АНУ-ын Сант-Луйс хотод хоёр удаа, энэтхэгт нэг удаа, Өмнөд Монголд хэд хэдэн удаа уран бүтээлийн тоглолтоо зохион байгуулжээ. Түүний бүтээлийн өргөө гэж тусдаа нэг цонхтой өрөө байна. Номын санд нь дэлхийн хүүхдийн зохиолчдын бүтээлүүд дүүрэн харагдана. Өрөөний хаалган дээр цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэтэй хамт авахуулсан зургаа жаазлан хаджээ. Номын шүүгээний дээр эзэн богд Чингис хааны хөрөг залаатай. Төрийн соёрхол хүртээд удаагүй байгаа хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гуайнхаас явах болоход тэрээр их л тахимдуугаар хувцас өмсгөн өгөх нь аргагүй л соёлтой хүний шинж бүрэн төгс сэхээтэн юм даа гэсэн сэтгэгдэл үлдээсэн юм.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Өвөл шиг өвөл дандаа болоосой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Өвөл гэхээр Улаанбаатарт л утаа майндаа баригдаад “уушги зүрх минь яана даа” гэх харуусал төрөөд байгаагаас биш монгол нутгийн өвөл дэндүү сайхан улирал шүү дээ. Өдийд миний нутаг Заг-Байдрагийн голын ай дагуу бөмбийсөн цагаан өвөл айлчлаад, Хар ус, Халиутын рашаан, Оготнотой булгийн харз булгуудаас савсах уур мананг эс тооцвол бүхий л хорвоо ажин түжин оргиод диваажингийн орон ийм байдаг уу гэмээр янзтай сайхан байгаа даа. Дөрөө зурам найгасан шаргалхан өвст талд бодын хар туруу цас орсон байхад л “Малын амны цастай, жаргаж байна аа хө” гэж налайсан өвгөд мод толгойгоо нэрэн, өвлийн илчгүй цагаан нарыг ширтэн бөмбөл цагаан хоньдоо гилэнхэн, дэрсэн толгой тоож үл шүүрдэх оноотой тарган унаа хүрнээ хөтөлсөн шиг аажуу тайвуухан нуруугаа үүрэн алхаж яваа нь харагдана. Бага дөтийн Ихэр, Бөндий, Хүрэн хавцгайн ээвэр дулаан энгэр өвөлжөөнд хэд гурваараа айлсан буусан гэрүүд холоос харахад хуруувчин чинээхэн үзэгдэж, аргал хөрзөнгийн цагаахан суунаг утаа үдийн тэнгэрийг сүвлэн өөдөө хөөрөх нь уранхан нэгэн бүсгүй учиг утсаа татан шаглан ямархан нэгэн хээ угалз мэтгэн байна уу гэлтэй байгаа.

Их дөт, Жаргалант хөндий, Баян хөндий хаа л бол хаа өвлийн идшээ базаасан айлууд өвсний сортой, цасны зөөлөнд адуу малаа гилчихээд, хааяа нэг гарч дурандсан шигээ алсаас л харуулдахаас биш хавар, зуных шиг хариулаад байхгүй нь даанч сайхан. Дэлгэсэн ширний халим тонших алаг шаазгай шаг шаг шагшрахад амны ус хайлуулахаар мөс хормойлон орох гэрийн эзэгтэй “Сайн хэлээ наашаа, саар хэлээ цаашаа” гэж дом болгон шившихэд хангай дэлхий ханайж, жавартай өвлийн жаргалтай аялгуу дуурсаж, цаг хугацаа бүүр зогсчихсон мэт санагдана. Алсын уулсын орой мөнгөн дуулга шиг гялалзсан амар жаргалт өвөл хөдөө нутагт налайхад төв суурин газрын өчүүхэн бужигнаант амьдралаас зугтаж ертөнцийн буйд хязгаарт насыг элээмээр бодогдоно. Төв Азийн Монголд минь амьдрал шиг амьдралыг таниулж, өвөл шиг өвлийг мэдрүүлдэг зүйл бол хүйтэн гуай билээ. Азарган нэхий дээлийн урт нударгыг буулган адуундаа мордоод давхихад уяан дээр бөн бөн чичирч, амгай хэмлэн байсан хүлгийн шандас тэнийж, унасан эзний хийморь сэргэн уурга алдам жаврыг сөрөн удмын золбоог бадраана. Дөрөөн доогуур урсан өнгөрөх газар дэлхий нүдний өмнө жирэлзэж, аргал хомоолхон боловч үл харагдах атал талын тавиуныг ширтэн алсын барааг тольдоход адуу малын зүс ч аяндаа тодроод ирнэ. Морин туурайн төвөргөөн хөлдүү газрыг бөмбөрдөж, үнэгэн лоовуузын соронд цан хүүрэг татахад дэлхийн дайдыг эрхшээсэн тэнгэрлиг өвгөдийн сүнс тэндээс харж байгаа даа гэж ямархан ч аавын хүү цантсан сормууст нүдээр тэнгэрийн цээлийг ширтэнэ.

Өвөл өө гэж. Яг л ийм үед дархад шүлэгч Баттөрийн Мягмаржав андын бичсэнчлэн

“Сургүй мөнгөн хазаар

Хүлгийн толгой хайрчих гээд

Дүрж болохгүй

Өвөл шиг өвөл

Шагайн чинээ бөгж

Хуруу хайрчих гээд

Зүүж болохгүй

Өвөл шиг өвөл

Элдэв бусын чамирхлыг нууж

Энгийн байхын сайхныг нээсэн

Өвөл шиг өвөл

Хээр хоноход галын дэргэд

Хэнхдэг цонож нуруу жиндээд

Хэцэд асдаг янгирын сүрэг

Хэвтэр ханьсан хот бараадаад

Хурдан бууны гохон дээр

Хуруу дөхвөл наалдчих гээд

Амьтан хүнгүй хулхи нь буусан

Антай мантай

Өвөл шиг өвөл өө

Эвхээд мартсан нэхий дээл

Эрсийн биеэр элдүүр орж

Сор нь гүйцсэн лоовуузны дороос

Согоо охидын хацар улайгаад

Өвөл шиг өвөл дандаа болоосой

Өвгөд шиг өвгөд дандаа байгаасай” гэмээр дэндүү сайхан. Согоо охидын хацрыг ягааруулсан тунгалаг өвлийн жаварт хайр хүрнэ. Салхи ч үгүй нам гүмд цантсан өвсөн толгойг дагуулан наран сөрөг харахад солонгын өнгөөр туяарна. Өвлийн солонго хараад баймаар сайхан.

Сумын төвөөс багийн төв, багийн төвөөс айл айлын өвөлжөөг зорьсон түм түмэн морин жим зурайж, аймгийн төвийг зорьсон их зам л цасан цагаан хөндийг хөндлөн гулд татсан тариан шангийн мөр шиг тодоос тодхон зурайна. Их цасан тал юу ч бичээгүй цагаан цаас шиг цавцайж, малын хөлөөр шийрлэсэн хэсэг нь малчин түмний хувь заяаны бичиг шиг дурайна. Хүйтэн жаврын бийрээр бичигдсэн цасан талын хуудас болсон бэлчээр бол малчин хүний хувь заяаны зурхай яахын аргагүй мөөн. Өвлийг бодохуй өөрийгөө аргадуулах гэж туньсан өр зүрхний хавар шиг л төсөөлөгдөнө. Өвөл бол хавар охины ээж нь юм. Идэр ес эхэлж, хүйтний эрч чангарахад тарга сайтай мал тааваар сайхан идээшилж, харин зуны сарыг зургаа юм шиг зугаалж, намрын сарыг найм юм шиг наргин хээрийн соргог бэлчээрт малаа оторлуулаагүй залхуу хойрго малчны хотыг харлуулахаар цасан шуургаар заналхийлж, мөсөн бургидсаар яс янгинатал шавхуурдана. Аз муутай амьтаст аж төрлийн гүн ухааныг заадаг үлэмж мэргэн багш бол өвөл мөн билээ л. Цас мөсөө гайхуулсан Норвеги, Швейцарийн өвөл хэчнээн сайхан ч миний нутгийн өвлийн гоо сайхныг гүйцээ л гэж үү, хорвоо минь. Цагаан баавгай доншуучилсан туйлын орон сайхан чиг оноотой тарган мориндоо дөрөөлөн орчлонгийн жамыг тэсэж гарсан миний өвгөдийн нутагтай дүйцэх нь байдаг л бил үү, бөмбөрцөгхөн минь.

Малчин монголчуудын амьдралд өвөл хэдийгээр гоо сайхны хэмжүүр мөн байж болох боловч аж төрлийн гашуун сургамж хайрладгаараа байгалийн хатуу шалгуурт зүй ёсоор тооцогдоно. Тунгалаг гэгээн төрхтэй уянгалаг сайхан өвөл маань үнэг шиг сүүлээ шарвахад л малын буянд шүтэж ирсэн бидний зүрхэнд сүүдэр унана. Ерээд оны эхээр болсон зуд одоо ч миний сэтгэлээс гардаггүй. Өлсөж өлдсөн үхрүүд минь уулын нэг тарж, долоо хоногтоо нэг бөөгнүүлэхээр мордоход унаа морь улдаж эцээд үйлээ үзэхийн дээдийг үзсэн сэн. Олон хоног хээр хөдөө явсаар цасанд нүд гялбан өвдөж, айлын буурин дээрээс олсон эмэгтэй хүний трикогоор нүдний саравч хийж явснаа яривал мушийх хүн л олдохоос үнэмших хүн цөөхөн биз. Тэр их зуднаар түлэх түлшгүй болсон айл авдар саваа эвдэн шатаагаад, эцэст амиа аргацаахын тулд унь ханаа түлж байсныг зурагтаар үзсэн хүн олон л байх. “Дайны хажуугаар дажин” гэгчээр үхсэн үхэр, адууны сүүл огтолж, шир хуулах хулгайчид олширч байлаа. Айлын амьд бухны сүүл огтолсон, тэмээг амьдаар нь өвчсөн зүй бусын гаж явдал ч гарч байсан нь хүн хэмээх хоёр хөлт, хохимой толгойтны ямар муухай шунаг шунахайг гэрчлэх баримт болон үлджээ. Сүүлээ тасдуулсан хар халзан бух хавар нь хүн амьтны бараа харж чадахгүй уулын таг барин дутаагаад байсан юм даг. Өлсөж турсан мал модны холтос, нэгнийхээ үс ноосыг хүртэл зулгаана. Далан хэдэн онд болсон аюулт зуднаар хонь, ямаад хулгана огтоно барьж идсэн төдийгүй их цастайд мал бараадаж буусан болжморыг хүртэл түүж идэж байсан яриа ч байдаг. Ер нь зудны адуу мал дэл сүүлээ зулгаалцах бол энүүхэнд.

Цас зудтай жил хоног хугацаа ч урагш ахиж өгдөггүй. Арайхийж нэг ес өнгөрүүт л дараагийн ес эхлэх бүхэл бүтэн зуун жил өнгөрөх мэт удаан. Тамын зовлонд л хүн гээч амьтан хоног хугацааг тийн хүсэн хүлээдэг үү гэлтэй. 1999-2000 оны зуд арай л дэндүү удаан сунжрах шиг болсон. Есдүгээр сарын 16-ны өглөө Заг сумын төвд л гэхэд тав зургаан айлын гэрийн багана хугалан, гэр дарж орсон их цас хавар тавдугаар сар гарчихаад байхад л арилж өгөхгүй мөн ч их удаж билээ. Монголын энэ хахир хатуу өвлийг жилийн тэн хагас гэж тооцвол овоо урт хугацаа болно шүү.

Гэвч, энэ л урт хүйтэн өвлийн эцэст монгол нутагт минь урин дулаан хавар айлчилж, удалгүй цэнгэлт зунтай золгодог нь амьдралын нэг баяр бахдал болдог билээ. Тэр л цагт хүн, малын зоо тэнийж өвлийн сайхныг ч, өвлийн хэцүү бэрхийг ч ор тас умартан цэнгэлийн манлайг эдэлнэ. Маргааш ес эхлэх энэ л цагт өвөл шиг өвөл эх оронд минь дандаа л ирж байгаасай гэсэн гэгээн совин билгээр энэ тэмдэглэлээ өндөрлөе.

Categories
мэдээ цаг-үе

Тэмээ гэдэг тэнгэрлэг амьтан

Image result for ТэмээТэмээний тухай бичих даалгавар аваад жигтэйхэн баярлав. Баярласнаа “Би тэмээний тухай юу мэдэх сэн билээ” гэж бодов. Уран сайхны талаас нь ардын уран зохиолч Пунцагийн Бадарч баавайгийн шүлгийг гүйцэх юм алга гэж хүлээн зөвшөөрөв. Нөгөөтэйгүүр, манай “Өдрийн сонин”-ы эрхлэгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт зохиолч Жамбалын Мягмарсүрэн гэдэг “акул”-аас эмээв. Учир нь түүний бичсэн “Долоо дахь хөхний гавар”, “Унагаа зуусан хулан”, “Барын зулзага бамбар” номууд монгол даяар тун ч алдартай билээ. Зүрхшээлээ гээд яалтай билээ. Тэмээний тухай “Ингэн эгшиг”, “Ингэн нулимс” гэдэг манай найруулагчдын кинонууд баруунд алдартай. Тэр нь ч аргагүй биз. Тэмээгүй газрын хүмүүст тив нээснээс ч сонин байсан биз. Сэлэнгэ аймгийг “Долоон тэмээт”-ийнхэн гэж нэрлэдгийг бодохноо миний Баянхонгорын Заг сум бол тэмээний л эх орон. Гэхдээ би тэмээ гээч амьтанг их хожуу, арваад насандаа л “таньсан”. Наян долоон оны зуднаар юм даа. Загийн голын зүүн урд байх Ягаан байшин хэмээх газарт “Давшилт” нэгдлийн хорин нэгэн тэмээ маллах хувь тохиов. Тэр үед тавдугаар ангийн сурагч байсан болохоор тэмээ малласан гэдэг худлаа л даа. Сумын эмчилгээ, тэжээлийн цэгийн адуу, тэмээний хэсэг тэнд төвлөрч, өндөр нагац Ойдовын Дашдонров буюу олон түмэн Ёнгоо хэмээдэг ах маань тэнд ажилладаг байсан учраас тавдугаар ангийн хүү би тэднийд долоо хоногийн амралтын өдрөөр очиж тусалдаг байв. Хагас, бүтэн сайны тэр хэдхэн цаг надад дэндүү жаргалтай санагддаг байсан. Даваа гарагт хичээлдээ явахдаа жигтэйхэн их эрч хүчийг олсон байдаг сан. Тэгэхэд л би тэмээ гэдэг малын ач тус, ашиг шимийг мэдсэнсэн. Тэр тэжээлийн цэгт Гурванбулагаас гуларч ирсэн номхоон шар ат байлаа. Ёнгоо маань тэмээ ачаалахыг үндсэндээ тэр л тэмээн дээр зааварлана. Тэмээний ачлаганы татлага гэхэд л надад шинжлэх ухааны хэмжээнд хүрсэн зүйл гэж бодогддог. Өөрийгөө жинхэнэ монгол гэж байгаа хэн нэгнээс тэгнээ ачааг тэвхэддэг модыг “ожуу” гэдэг эсэхийг асуухад “Ёстой бүү мэд” гэж хариулахыг би сайн мэднэ. Хом, бамбай гэж юуг хэлдгийг миний үеийн хөдөөнийхөн бол хэлэх л байх.

Image result for ТэмээЗа, энэ тухай үл лавшруулж тэмээ гэдэг “элсэн говийн хөлөг онгоц”-ны тухай хөөрөлдөцгөөе. Дэлхийд байдаг тэмээ гээч амьтны ерэн хувийг наран тэмээ буюу ганц бөхт, ес арваны зургаан хувийг хос бөхт тэмээ эзэлдэг юм байна. Хос бөхт тэмээ гэхээр манай зэрлэг хавтгай ч орно гэсэн үг л дээ. Хятадын хойд говь, Монгол Улс, Халимаг, Казахстан, Кыргыз улс хос бөхт тэмээгээрээ алдартай. Өөрөөр хэлбэл, дэлхийд ховорхон болоод байгаа хос бөхтэй тэмээний удмын үндсэн санг Монгол Улс хадгалан үлдсэн цөөн орны нэг юм. Хос бөхт тэмээний өвөг бол зэрлэг тэмээн гөрөөс хавтгай аж. Манай орны Алтайн цаадах говьд хавтгай хэмээх эл зэрлэг тэмээ 927 тоо толгой байгаа. Юунд ийн тов тодорхой мэднэ вэ гэвэл өнгөрөгч намар Алтайн цаадахь говиор явахдаа албаны хүмүүсээс тодруулсан хэрэг л дээ.

Image result for ХавтгайХавтгайг Венецийн жуулчин Марко Поло XIII зуунд дэлхийд мэдээлж, 1870-1884 онд Оросын жуулчин Н.М.Пржевальский Төв Азиар хэдэнтээ аялахдаа Монголоор дайрч хавтгайг үзэж тодорхойлж бичсэний дээр агнаж гавлын яс, арьсыг нь судалгаа, үзмэрийн дээж болгон авсан байдаг. Тэмээг хүн гэршүүлээд наад зах нь таван мянган жил болж байгаа гэсэн судалгаа бий. Тэмээ, адууг гаршуулж, гэршүүлсний дүнд Хүн гүрэн, Их Монгол Улс хүчирхэгжин мандсан юм. Өөрөөр хэлбэл, тэмээгүйгээр монгол соёл, нүүдэлчний соёл иргэншлийг ойлгоход хэцүү. Говь, цөлийн экологийн нөхцөлд амьдрах зохицол нь гайхалтай бүрдсэн энэ амьтан халуун нарнаас биеэ хамгаалах, ус чийгийг алдахгүй барих, өвлийн хүйтнээс хамгаалах хос бөхтэй, элсэн хөрсөнд явах тавхайтай болсон, говь цөлийн өргөслөг өвөрмөц ургамлаар хооллох, олон хоногийн өл хоол даах чадвартайг нь танин мэдэж уналга эдэлгээнд ашиглах болсон байдаг.

Image result for Тэмээний домогТэмээний тухай олон түүх домог байдаг. Буганд хууртаж эврээ алдчихаад ус ууж зогсохдоо одоо болтол алсыг ширтэн “Эврийг минь хэзээ авчирч өгөх юм бол” гэж санааширдаг гэсэн домог байдаг. Нөгөө зудны номхон шар ат маань ч тэр л дүрийг давтаад байдаг. Хулгана, тэмээ хоёр 12 жилд орохоор маргалдсаны эцэст хэн өглөөний нарыг түрүүлж харсан нь жилд багтахаар тохирч гэнэ. Тэмээ өндрөөрөө “Би эхэлж нар үзнэ” гээд урагш нар гарах зүгт хараад зогсоход хулгана хойт бөхөн дээр нь уулын оройд нар тусахыг хүлээгээд сууж гэнэ. Уулын оройд нар тусахыг харсан хулгана “Би эхэлж нарыг харлаа” хэмээн үсрэн бууж, хаясан үнсэн доогуур оржээ. Үүнээс хойш тэмээ үнс хараад хулганад өшиж хөрвөөдөг болсон гэнэ гэх жишээний.Тэмээ их өрөвдөлтэй л дөө. Идшинд хэрэглэнэ гэсэн тэмээ үйлийн үрээ мэдрэх шиг нулимсаа цувируулаад л зогсчихно. Унаган эзэн хүн нь бол яагаад ч “гаргаж” чадахгүй. Нулимсаа урсгаад л хараад байгаа амьтанг чинь яаж муулах вэ дээ.

Наяад оны сумын нядалгаагаар харин нүд халтирам зүйл харсан нь тэмээ нядлах байсан. Урт банз барьсан ах нар хөлөөс нь оосорлосон тэмээг дагаж гүйж байгаад банзаараа шилэн хүзүү рүү нь цохиж унагаж байсан. Тэнгэрийн гэмээр тэр сайхан амьтны амь нэг банзны үзүүрт л байдаг гэхээр гайхахаас аргагүй. Тэмээг монголчууд өвчихдөө яг л хэвтэж байгаа янзаар нь хоёр бөхийг нь тасдаж аваад доош нь хуулдгаараа бусад малыг муулахаас арай ялгаатай юм уу даа. Тэмээний цээжин хэсгийн яс бөгсөн биеэсээ хүчирхэг учир булчингийн хөгжил цээжин талдаа илүү сайн. Ууцны яс, харцаганы нугаламтай уян холбогдсон нь түүнийг зөөлөн явдалтай болгодог ажээ. Тэмээ хэвтэхдээ залааны хоёр, өвдөгний хоёр, тойгны хоёр, өвчүүний нэг бүгд долоон сайран дээр тулдаг учир зундаа 60-70 хэм хүртэл халж, өвөлдөө 30 хэм хүртэл хүйтэрдэг газрын гадаргаас биеийг нь хамгаалдаг байна. Тэмээний арьс нягт зузаан, атираагүй, уян, хөлсний булчирхай нь голчлон суга цавиар байрладаг нь хөлөрч ус чийг алдахаас хамгаалдаг. Тэмээний уруул хөдөлгөөн сайтай, сэтэрхий уруулынх нь баруун, зүүн тал тус тусдаа хөдөлдөг нь говийн ургамлаар хооллох зохилдлогоог бий болгож. Энэ онцлогоос хамаарч тэмээний сур, үдээр хатахдаа татаж хатаж сунадаггүйг мэдэж ханын үдээр, авдар савны углуурга, заадал эмээлийг хүртэл наалгүйгээр тэмээний арьсаар бүрж, үдэж хийдэг байна. Үсэн бүрхүүл нь сор үс, завсрын үс буюу ноолуураас тогтдог сайн чанарын ноостой, уян зөөлөн, дулаан тул төрөл бүрийн утас, ноосон эдлэл, хөвөнгийн оронд дээлэнд тавьж ашиглаж ирсэн байдаг. Дэлүү нь бөөрний хавьд өлөнгийн хонхор тушаа байрладаг тул амархан гэмтдэг. Хашир малчид тэмээг унагах, цохиж нүдэхээс болгоомжилж бөөр нь уначихна гэдэг нь ийм учиртай. Тэмээ алсын барааг өдөр шөнө ялгалгүй хардаг. Үнэр сайн мэдэрдэг. Ус, худаг, айл бууцыг гучаад километрийн цаанаас мэдэрдэг байна. Иймээс ямар ч элсэн цөлд баримжаагаа алддаггүй орон зайн мэдрэмж сайтайгаараа хүнд хань түшиг болж, хайр булаадаг амьтан юм.

Image result for Тэмээ усАливаа амьтан ус чийгийг амьсгал, хөлс, ялгадсаар алддаг. Тэмээний хамар урт нарийн тул амьсгалаар усыг ууршуулдаггүй. Хамрын хөндийн салст бүрхүүлийн олон үрчлээс ус ууршихаас хамгаалж хадгалж үлдээдэг байна. Нэг минутад 8-10 удаа амьсгалдаг нь усыг ууршихаас хамгаалах бас нэг зохицолдолгоо юм. Говь, цөлийн өвс ургамал, ус, эрдэс бодис ихтэй байдгаас тэмээ давс хужрыг ихээр хэрэглэдэг. Хүнээр бол ч “цагаан хор”-ыг их хэрэглэдэг нөхөр юм л даа. Энэ нь биеийн дотоод даралтыг ихэсгэж ус барих чадварыг нэмэгдүүлдэг. Тэмээ өвс, усгүйгээр удаан байж, өл даах чадвараараа бусад малаас илүү. Тэмээ хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чадна. Энэ үед шээс нь өтгөрч 0.5 л хүртэл буурна. Тэмээ усаар дутагдсан үедээ бөөрнийхөө сүвнүүдэд хуримтлагдсан шээсээ эргүүлж шингээн гүзээндээ буцаах чадвартай бөгөөд гүзээнд буцаж ирсэн шээсийг тэнд орших бичил биетүүд уураг болгон хувиргах замаар илүүдэл бодисоо дахин ашиглах, усны хэрэгцээгээ хангах зохилдолготой болжээ. Тэмээний бас нэг сонин зохилдолгоо бол агаарын температур ихсэх үед хөлөрч усаа алдахгүйн тулд биеийн температураа нэмэгдүүлэн өнгөрөөж чаддаг явдал юм. Тэмээ бөхнийхөө өөхийг задлан ус болгож чадна. Өдөрт 80 л хүртэл ус уудаг. Үүнийг гүзээндээ олон хоног хадгалан аажимдаа зарцуулдаг. Биедээ их хэмжээний өөх хуримтлуулдаг хоёр бөхнөөс гадна гадар, дотор өөх нь 80-100 кг хүрдэг. 100 грамм өөх задрахад 107 мл ус гаргадаг гэж үзэхэд тэмээний усны дутагдлыг хангах нэг эх үүсвэр нь өөх болдог. Туршилтаар тэмээг идүүлэх ч үгүй, услах ч үгүй байлгахад 56-70 хоног, өвс өгч услахгүй байлгахад 78 хоног, зөвхөн ус өгч байгаа нөхцөлд 86-131 хоног тэсч байжээ. Тэмээг удаан хугацаагаар цангаахад биеийн жингийн гурваны нэг буюу 200 кг жин алдах үед услахад гурван минутын дотор усны алдагдлыг нөхдөг байна. Тэмээ ердийн нөхцөлд өтгөн бага, хуурайвтар хоргол гаргадаг нь бас л усны алдагдлыг багасгаж байгаа бөгөөд, жин үдийн халуун нар луу харж идээшилдэг нь нарыг биеийн бага талбайд тусгах байгалийн зохилдлогоо гэнэ.

Тэмээ 30-35 жилийн настай амьтан. Амгалан дөлгөөн зантай энэ амьтан бэлчээрт тархан идээшилдэг. Уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог зантай. Дуу хуур, уянгалаг аялгуунд уярамтгай. Энэ чанарыг нь ашиглаж ингэнд ботго авахуулна. Үнсэн дээр хөрвөөх дуртай, эдэлгээнд хүлцэнгүй, эзэндээ дуулгавартай амьтанг хүмүүс бас “чөтгөр шүглэсэн” энэ тэр гэж нүд үзүүрлэх нь ч бий. Тэмээ жалга, нөмөр бараанд салхины уруу харж хэвтвэл тэнгэр хүйтэрнэ, ингэ ботгондоо хоргодон буйлаад байвал цас бороо орно гэж ард түмэн хэлцдэг. Тэмээний махыг өргөн дэлгэр биш ч гэсэн хүнсэнд ашигладаг. Ер нь сэрүүн чанарын мах л даа. Тэмээний махыг удаан хугацаагаар нөөцөлж хадгалан хэрэглэх нэг арга бол говийн малчдын уламжилж ирсэн борц хийх арга юм. Монгол Улсын хэмжээнд 1985 онд 559 мянган тэмээтэй байсан бол 1990 онд 537.5 мянга, 1995 онд 367.5 мянга, 2000 онд 315.5 мянга, 2005 онд 254.2 мянга болон жилээс жилд цөөрсөөр байна. 2009 онд 277.1 мянгад хүрэв. Дэлхийд нэг бөхт тэмээ байнга өссөөр байхад хос бөхт тэмээ нь хорогдож тоо толгой нь цөөрсөөр байгаа нь гунигтай.

Image result for Тэмээ усМонгол тэмээ голдуу хүрэн, бор, улаан зүстэй бөгөөд дотроо Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн гэдэг хоёр омог байдаг. Мөн Говь-Алтай аймгийн Төгрөг суманд үржүүлдэг Дөхөм Тунгалагийн тэмээ үржлийн бие даасан хэсгээр батлагдсан юм. Дөхөм Тунгалагийн тэмээ нь дотроо ноосорхог, биерхэг гэсэн хэвшилтэй бөгөөд. гол онцлог нь хоолой, шилнээс гадна хүзүүний хоёр талаар давхар зогдортой байдаг. Манай орны говийн тэмээний дотроос Өмнөговь аймгийн тэмээ арай биерхэг болохыг И.Ф.Шульженко 1954 онд, Б.Лувсан 1975 онд тус тус тэмдэглэсэн байдаг. Нас гүйцсэн ингэ намар 529 кг, ат 621 кг жинтэй байдаг байна. Д. Буянхишигийн 1994 оны судалгаагаар атны намрын амьдын жин 603 кг, ингэнийх 521 кг, гурван настай өсвөр тэмээ 404 кг, хоёр наст 329 кг, нэг наст тором 267 кг, тухайн жилийн ботго 157 кг жинтэй байжээ. Монгол тэмээний угсаа гарлыг Өмнөговийн Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн, Баянхонгорын Ламын гэгээний жаахан шар, улаан, Говь-Алтайн Дөхөм тунгалагийн хос зогдорт гэж угшлаар нь ангилдаг. Ховд аймгийн нэгэн жинчний мэлтгэр хүрэн гэдэг тэмээ ямар ч уулын өндрөөс сүр цохидоггүй тэмээ байсан гэнэ. Оросын нутагт байх алдарт Чуйн замын өндөр даваагаар давахад уулын өндрөөс сүр цохиж ачаатай тэмээ их осолддог тул бүх тэмээний нүдийг боож уул давуулахад ганц мэлтгэр хүрэнгийн нүдийг боодоггүй байсан хэмээн эзэн нь дурсан бичсэн байдаг. Орсон буурын тухай олон ч сонин хөврүүлж болно. Өвлийн ид хүйтнээр буур орохдоо цагаан хөөс цахруулан шүдээ хавирч, шилээ шөргөөж, хүрхэрч шаваад муухай загнан ижил сүрэгтээ хүн мал ойртуулахгүй дов, сондуулд хөрвөөх, ойртсон хүн малыг хөөх зэргээр сүр хүчийг үзүүлдэг. Орсон бууртай тэмээнд чоно ч айгаад ойртдоггүй. Үүнээс үүдэн чоно “Орсон буурны дуу сонссоноос оготор шарын дуу сонссон нь дээр” гэсэн домог яриа байдаг. Орсон бууранд морьтой хүн хөөгдөж бариулсан, суудлын машиныг шөргөөж өмнүүр хэрж хөндөлдөөд явуулахгүй байсан гээд баримттай болсон явдал, хууч яриа олон бий. Говийн нэгэн аймагт Жанжин хүрэн хэмээх буур ид орооныхоо үед өөр нэгэн бууртай тэмцэлдэн хүч тэнцээд биесээ отож хөдлөхгүй хэвтсээр хоёулаа үхсэн гэсэн домог яриа ч тэмдэглэгдэн үлджээ. Дээхнэ үед нэгэн хүн орсон бууранд хөөгдөж худагт оржээ. Гэтэл нөгөө буур нь худгийн амыг таглан дээр нь хэвтэхэд нөгөө хүн буурыг босгох санаатай дороос нь хутгаар гэдсийг зүсэхэд буур босолгүй байсаар хоёул тэндээ үхсэн эмгэнэлт явдал байдаг.

Image result for Тэмээ усТэмээ бол их сониуч зантай амьтан бөгөөд аливаа зүйлийг харж сонирхох, үнэрлэх түүнээсээ үргэж тоглох, эзэн хүндээ эрхлэх, хол газар тасралтгүй ширүүн явахад орилж хад, харгана, буттай газар хоргодон хэвтэх, үнсэн дээр хөрвөөж, дэвслэх, өглөө үүрээр бусад малаас түрүүлэн бэлчих, шилээ шөргөөж буур болон бие, биетэйгээ тохуурхан ноцолдох, хоорондоо хэрэлдэх, бурантаг хазах, уяа тайлах зэрэг зан авир гаргадаг. Бурантаг хаздаг тэмээний ойролцоо уясан бурантаг хаздаггүй тэмээ нь нэгнийгээ дууриаж бурантгаа зуух буюу хазаж сурах зэргээр дуураймтгай зан гаргадаг. Тэмээ их хужирсаг тул бударгана шарилжаар голдуу хооллоно. Зуны халуунд олон хоног усгүй явж чаддаг нь хоёр бөхөндөө усаа хуримтлуулж, түүнээсээ цангаагаа тайлдагтай холбоотой аж. Монголчууд хоёр бөхт тэмээгээ дэлхийн Гиннесийн номд бүртгүүлэхээр Өмнөговь аймагт 2016 оны гуравдугаар сард тэмээг сургах, буйллах, уналга, эдэлгээнд хэрэглэх зэрэг олон үйл үзүүлсэн юм. Мөн Монголын 11 аймгийн 1132 тэмээг гарааны зурхайгаас нэгэн зэрэг амжилттай гарган 15 км зам туулан уралдуулж, 1108 тэмээ барианд оруулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Урьд нь Өмнөд Монгол 550 тэмээгээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

Categories
мэдээ цаг-үе

Аюурзанын Алтантуяа: Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож

Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, мастер оёдолчин, “Ур-Ундрах” компанийн захирал Аюурзанын Алтантуяатай уулзаж ярилцлаа.


-“Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн найрагчийг “Монгол савхи” компанийн захирал Хүнийхүү савхин дээлээр мялаадаг уламжлалтай байсан. Танай компани сүүлийн жилүүдэд энэ уламжлалыг хадгалж түрүү найрагчид үндэсний дээл бэлэглэдэг болсоор хэдэн жил болчихов уу?

-“Болор цом” наадмын тэргүүн найрагчийг дээлээр мялаадаг болсоор 14 жил өнгөрч. Энэ жил 15 дахь дээлээ өгнө. Сүүлийн гурав, дөрвөн жилийн “Болор цом” наадмын дээлийг биечлэн гардуулж өгч чадаагүй. Өвөрхангайд болсон наадамд яруу найрагч Л.Моломжамц түрүүлэхэд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал асан Г.Мөнхцэцэг маань “Ямар сайхан дээл вэ” гээд аваад явж байсан. Ноднин Ц.Эрдэнэбаатарыг түрүүлэхэд би Солонгос улсад эмчилгээтэй явчихсан байсан. “Болор цом”-ын дээлийг оёж дуусаад байж байхад Сүхбаатар аймгийн яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир, яруу найрагч Амартайван нар хараад “Үнэхээр сайхан дээл болж” гэж урмын үгээр мялааж байсан шүү.

-Та чухам яагаад “Болор цом”-ын эздэд дээл өргөн барьж байхаар болов?

-Ээж маань ерөөл, магтаал хэлдэг, уран зохиолд жигтэйхэн дуртай хүн байсан. Миний зулай дээр гишгэж төрсөн ах бэлэн цэцэн үгтэй, үдэшлэг цэнгүүнд шүлэг уншдаг хүн байлаа. Тиймээс би зохиолчдоо их хүндэтгэж явдаг байсан. Би Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайнхаа “Сэгс цагаан богд”, “Гэргийн зүрхний үг” зэрэг олон сайхан шүлэг найраглалыг цээжээр уншдаг байлаа. Их зохиолч Д.Нацагдорж, билгүүн номч Бямбын Ринчен нар бол монгол үндэснийхээ дээлийг яах аргагүй түүхэнд үлдээсэн улс шүү. Нацагдорж гуайн зураг дээр байдаг дөрвөлжин энгэртэй дээлийг хүүхэд байхдаа хараад “Ийм сайхан дээл хийхсэн” гэж мөрөөддөг байлаа. МУИС-ийн хаалгаар монгол дээлтэй хүн оруулдаггүй тэр он жилүүдэд манай их эрдэмтэн Б.Ринчен гуай үндэсний дээлээ өмсөн монгол дээлээ түүхэнд авч үлдсэнд би маш их баярлаж явдаг.

-Та цомын эздээс гадна олон зохиолчид дээл бэлэглэсэн гэдэг байх аа?

-Би эхээс арван гурван настайдаа өнчирч, аав маань найман хүүхэдтэйгээ үлдсэн. Хар багаасаа л үйл үртсээ өөрөө хийдэг сэн. Дөрвөн өнчин дүүгийнхээ дээлийг хийдэг байлаа. Дөчөөд жил дээл хийж. Доржготов, Ш.Гүрбазар нарын олон зохиолч, найрагчид дээл хийж өгсөөн.

-Дөчөөд жил дээл хийсэн гэхээр овоо судалгаатай болоо биз?

-Дээл гэдэг маань “дэвэл” гэсэн үгээс гаралтай. Дэвжин дээшлэхийн утга агуулгатай. Арвангуравдугаар зууны үед монгол дээл зүүнтэйгээс баруун тийшээ зөрлөг энгэртэй хувцас байсан юм билээ. Дуучин С.Жавхлангийн өмсөж буй дээлийг гэхэд Хүннүгийн үеэс, Чингис хааны үеэс өмсөж ирсэн уламжлалтай. Үндэсний хувцсыг түүхэн талаас нь гурав хувааж үзэж байгаа. Их Монгол Улсын үеэс Манжийн эрхшээлд орох хүртэлх, Манжийн үеэс Богд хаант Монгол Улсын үе, Богд хаантын үе, Ардын хувьсгалаас хойших үе гэж үечилж байна. Монгол хүнийг “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал”-аас салгахын аргагүй болохоор эл дөрвөн хувцсыг иж бүрнээр хийх юм, Монголын ард түмэн маань иж бүрнээр нь эдлээсэй гэж боддог. Манай “Ур-Ундрах” чинь жижигхэн үйлдвэр ч гэсэн нэг гуталчин, хоёр малгайчин ажиллуулж байна. Мөөрөлжин захтай дээлийг өвөг дээдэс маань XIII-XVII зуун хүртэл өмсөж.

-Мөөрөлжин зах гэж бөөрөнхий захыг хэлж байна уу?

-Мэдэхгүй хүмүүс “лам зах” гэж нэрлээд байдаг. Түүхч Бадамхатан гуайн номонд мөөрөлжин гэсэн байгаа юм шүү. Монгол үндэстэн маань харийн дарлалд орох үед үндэсний хувцсыг хүртэл устгах бодлого явуулсан байдаг. Тулган дахь галыг нь хар хэрээний хошуу дүрсээр мануулангуут Өндөр гэгээн Занабазар монгол хатан хүний хувцсыг бүргэдийн хэлбэртэй болгосон байх жишээтэй. Монголчуудыг мал дагасан мал гэж битүү доромжлон нударга хийхэд малын туурайн хэлбэрийг өөрчлөн халхын заяаг хадгалах тавин лангийн ембүүний хийцтэй болгосон байдаг. Ерээд оноос эртний эвэр угалзтай хийц хэлбэрийн дээл хувцсыг монголчууд сэргээн хэрэглэж эхэлсэн. Монгол хээ угалз чинь аргаль янгир, малынхаа эвэр угалзыг дуурайлгаж хийсэн хээ байдаг. Манайх Хүннүгийн булшнаас гарсан эвэр хээтэй дээлийн загварыг шинээр хийж Сөүлд болсон олон улсын хувцасны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртэж байлаа.

-Та монгол хувцсыг шинэ хэв загварт оруулж, хөгжүүлж яваа хүн шиг санагддаг. Тухайлбал, нэг удаагийн “Болор цом” дээр “Монгол” гэдэг үгийг сувдаар хэлхсэн дээлтэй ирж байсан даа?

-Хувцас гэдэг цаг үеийн түүх. Хубилай хаан монгол хувцсыг монгол үндэстний хувцас гэж 1275 онд хуульчилж байсан байдаг. Мөнх хаан бас хуульчилсан. Даяаршлын эл эринд монгол хувцсаа хуульчлаасай гэж боддог. Дэлхийн хувцсыг дэлгүүрээр дүүрэн оруулж ирчихээд өөрийн үндэсний хувцсаа тоохгүй байх шиг гунигтай юм үгүй. Үндэсний хувцсаа монгол улстөрчид, монгол сэхээтнүүд нь өмсөхгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж мянгантаа хашгичаад нэмэргүй биз дээ. Үндэсний хувцасныхаа товч, шилбэ, энгэр, ханцуй, хээ угалзыг уламжлан орчин цагийн хэв загварт оруулж байгаа нь хөгжил юм. Эмэгтэй хүн бүхэн бэлхүүсээрээ нарийн харагдах дуртай. Тиймээс үзэсгэлэнт сайхан байдалд тохируулж дээлээ хийж байна. Захиалгат хувцасны анги төгссөн маань ч ач тусаа өгч байна.

-Шилдэг загвар өмсөгч шалгаруулах “Гоёл-2016” наадмаас танайх “Үндэсний шилдэг хувцас”-ны тэргүүн байрын шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Монгол бичигтэй цагаан ноолууран дээл, хүрмээр тэргүүн шагналыг авсандаа баяртай байгаа. “Бичиг нь босоо юм чинь хийморь босоо байдаг юм байлгүй” гэсэн үгээс санаа авч энэ загварыг бүтээсэн юм. Анх би “Монгол” гэсэн үгийг дээлэн дээр бичсэн загвараа өмсөн, тайзан дээр шүлэг уншихад Өмнөд Монголоос олон хүн утасдаж баяр хүргэсэн. Өмнөд Монголын радиогийн Журамт хэмээх залуу тусгайлан олон дээл захиалж хийлгэж байсан. Эзэн Богд Чингис хаан минь дэлхийн мянганы суут хүн мөн л юм бол зураг хөргөнд ч, үг зарлигт ч мөргөж залбирч байгаасай гэж хүсэн энэ монгол бичигтэй дээлийг хийсэн юм. Миний охин дизайнер Баасансүрэнгийн маань бүтээл л дээ.

-Чингис хааны юу гэсэн зарлиг үгийг буулган бичсэн бол?

-“Дэлхийн хүмүүс чухам юу бодож байгааг олж мэдэхгүйгээр мэдэхийг хичээгтүн. Хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг даруулан тэргүүлнэ гэж үгүй. Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг эзлэхийг яарагтун” гэсэн бичиг байгаа. “Гоёл” наадмын бичлэгийг зурагтаар үзэхээр тодорхой сайхан харагдана даа.

-Танайх оёдолчдынхоо нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн гэл үү?

-Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож. Дээд мэргэжилтэй болох, гадаад хэл сурах, харьд очиж амьдрах эрмэлзэлтэй болчихсон байна. Социализмын үед эмэгтэй, эрэгтэй хувцсыг стандарт, технологийн дагуу хийдэг байлаа. Тиймээс ч ажилчид маань бүгд л миний заавар зөвлөмжөөр оёдлоо хийж байна. Хөдөөнөөс зориод ирсэн, гартаа уртай, нямбай оёдолчдоор багаа бүрдүүлсэн. Хүн хүнийхээ төлөө л чин сэтгэлээр хандаж байхад бүх зүйл сайн сайхан болно. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд явж байхад хүмүүс нь ажлын байраа тэгтлээ солиод байдаггүй юм байна лээ. Арваад жил ажилласан хүмүүс маань гэр хороололд амьдарч, найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй болохоор өнгөрсөн жилээс Зурагтад нийтийн байр худалдан авч тэндээ ажилчдаа оруулсан. Халуун устай, цахилгаан зуухтай зөвхөн гэрэл, дулааны мөнгөө төлөөд боломжийн л амьдарцгааж байна. Үр хүүхдүүд нь ч сургууль, цэцэрлэгийнхээ ойролцоо амар болсон. Тэтгэвэрт гартлаа энэ байрандаа амьдарцгаана. Үр хүүхэд нь манайд ажиллавал байрыг нь хувьчлаад өгчихнө. Ийм зарчмаар л ажиллаж байна даа.

-Танайх олны танил үйлчлүүлэгчид ихтэй биз?

-Улсын заан Долгорсүрэн зааныхан ах дүүсээрээ манай үйлчлүүлэгчид. Өнгөрсөн наадмаар Дагвадорж аварга маань ирээд явсан. Тайландын улаан, хүрэн даавуугаар сайхан хувцас хийлгэлээ. Өмсчихсөн байгаа нь зурагтаар сайхан л харагдаж байна лээ. Сумьяабазар гишүүн, Сугаррагчаа ах нь ч дээлээ манайхаар л хийлгүүлдэг.

-Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ аль хэр хамтран ажиллаж байна даа?

-“Дархан нэхий” компанийн нэхийгээр торгоор өнгөлөөд сайхан дээл хийж байна. Эдний боловсруулсан хурганы арьсаар хөнгөхөн монгол хувцас хийж байгаа шүү. Бид бие биеэ дэмжихгүй бол улс орон хөгжихгүй. Малчдадаа харин захихад хонио тосон будгаар бүү тэмдэглээч, тэмдэглэсэн ч эвэр, толгойд нь тосон будгаа түрхээч гэмээр байна. Тэр будаг чинь хонины нэхий, сэгсүүргэнээс яаж ч боловсруулсан арилдаггүй юм байна шүү. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Одооны хүмүүс мэдэхгүй юмаа мэдэмхийрч яриад, чадахгүй зүйлээ хийнэ гэж дайраад байдаг болж” гэж нэгэнтээ ярьсан байдаг. Миний хувьд энэ оёдлынхоо салбарт бараг дөчөөд жил ажилласан болохоор мэддэг, чаддаг бүхнээ бусдад хэлж байхыг хүсдэг. Тэр утгаар л малчдадаа нэхийгээ сайхан арчлаад үнэд хүргээч ээ л гэж хэлье.

-Танай бүтээгдэхүүнүүд олон улсын үзэсгэлэнгээс ямар шагнал авч байв?

-БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын болон Зүүн хойд Азийн улсуудын үзэсгэлэнгүүдээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авчирсан. Монголын уламжлалт хувцсыг дэлхий үнэлж байгаа нь сайхан шүү.

-Та түрүүн төрийн түшээдийг үндэсний хувцсаа хэрэглээч гэж байсан. Ямар хувцас өмсөх нь тухайн хүний эрх биш үү?

-Ирэх 2017 онд би Жижиг, дунд үйлдвэрийн зээл авна. Тэгээд төрийн түшээдэд үнэгүй монгол дээл хийж өгье гэж бодож байгаа. Монгол дээл хувцсаа сайхан өмсөж эдлэг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайг НҮБ-ын чуулган дээр монгол үндэсний дээлээ өмсөж очоод үг хэлсэнд би үнэхээр их баярласан.

-Төрийн түшээдэд үнэгүй дээл хийж өгнө гэхээр авлига болчих юм биш үү?

-Үндэсний хувцсаа хэрэглээч гэсэн санаачилга маань авлигад тооцогдохгүй байлгүй дээ. Хэн нь ч зориод ирсэн би сайхан дээл хийж өгнө өө. Бат-Эрдэнэ аварга маань манайхаар байнга дээлээ хийлгэдэг. Хүмүүс ч “Бат-Эрдэнэ гишүүний ногоон даавуугаар дээл хийлгэе” гэх нь сайхан байдаг юм. “Бүлтэнгийн шаргал” гэсэн алдартай торго ч байна. Гавьяат эмч Бүлтэнгийн дээл хийлгэсэн торго гэхэд ийм нэртэй болсон. Баянсэлэнгийн бор гэсэн өнгө ч бий.

-Хятад торго дэлхийд тун алдартай. Гэхдээ танайх хятадаас өөр торго ч авчирдаг бололтой?

-Хятад торго дэлхий дээр хамгийн чанартай. Торгоны хүр хорхой ганцхан Хятадад байдаг амьтан. Япон, Солонгос нийтлэг сайхан торготой. Эднийхний өөрсдийнх нь хувцасны материалууд манай үндэсний хувцсанд тохиромжтой байдаггүй. 45-60 см-ийн өргөнтэй болохоор залгаас их орох гээд байдаг. Далай ламд мөргөхөөр явахдаа Энэтхэгээс жаахан торго татдаг. Манайх чинь жижигхэн байгууллага учраас чингэлэг чингэлгээр бараа авчрах боломж байхгүй л дээ. Тиймээс маш чанартай торго сонгож авчирдаг. Охин маань англи хэлтэй болохоор Тайланд хамт явж торго авчирна шүү.