Categories
мэдээ цаг-үе

Хүний жудгийг дээдэлсэн “Миний нууц”

“Хувьсал” продакшны “Гөү адвенчер” студийн бүтээл “Миний нууц” уран сайхны кино сүүлийн үеийн хамгийн олон үзэгчтэй киногоор тодроод байгаа. Энэ сарын 7-нд нээлтээ хийсэн гэхэд хамгийн олон тоолууртай кино болно гэдэг чамлахааргүй амжилт. Киноны зохиолыг Доржготовын Ганцэцэг, Алтангинжийн Ганчимэг нар бичиж, найруулагчаар Дашхүүгийн Галбаяр, А.Ганчимэг нар ажиллажээ. Монголд жилд өчнөөн олон кино дэлгэцнээ гардаг ч хүний сэтгэлд хүрсэн бүтээл төрөхөө больсон, ямар ч зохиолгүй кинонцруудын үерт автсан гэх яриа чихний үзүүр сөрмөх нь олонтаа. Тэгвэл гол дүрд нь гавьяат жүжигчин Уртнасангийн Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан жүжигчин Цэгмидийн Цэрэнболд, залуу жүжигчин Бадамсэдийн Билгүүн, Төмөрийн Хулан, Оюунгэрэл нарын тоглосон эл киног үзэгчдийн сэтгэл бага ч болтугай таашаал хүртсэн гэж найдна. “Хувьсал” продакшныхан урьд нь “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”, “Атганд үлдсэн эрдэнэ” зэрэг хэд хэдэн бүтээл хийж үзэгчдэд толилуулсан туршлагатай уран бүтээлчид.

Хүний амьдрал гэдэг нууцаар дүүрэн. Томоохон группын эзэн Түшиг, түүний эхнэр Хандмаа нар Мөнхжин, Энхжин хэмээх хоёр хүүгийнхээ хамт амьдарна. Дутах гачигдах зүйл үгүй ч хүн бол сэтгэлийн амьтан гэдэг томьёолол эл бүтээлд голлоно. Кино эхлэхэд Хандмаа дэлгүүрээр явж байгаа нь дэлгэцнээ харагдана. Хандмаад гавьяат жүжигчин Уранчимэг чадварлаг тогложээ. Хувцас солих өрөөнд Хандмааг дөнгөж ортол нэг залуу үсрэн орж ирж амыг нь даран, чимээ анир гаргахгүй байхыг шаардана. Алтангинж хэмээх эл залууг траншейнд амьдарч байхад нь үл бүтэх залуу олон өсгөж авч нэг ёсны “бууны нохой” болгожээ. Алтангинж найз охинтой болоод удаагүй бөгөөд сэтгэцийн эмнэлэгт ажиллах түүндээ хулгайч дээрэмчдийн бүлэглэлээс гарч, хүний ёсоор амар жимэр аж төрөх амлалт өгчээ. Гэвч, сайн юманд садаа мундахгүй гэгчээр Алтангинжийг тийм ч амархан тавиад явуулчихгүй тавилан заяаны ээдрээ үүсчээ. Үл бүтэх бүлгийнхнээсээ зугтаж явахдаа тэрээр хувцас солих хөшигний цаана Түшигийн эхнэр Хандмаатай тааралдаж, нөгөөдүүлээс нуугдаж хоцорлоо.

Хандмаагийн айдаст харц, сэтгэлзүйн байдлыг жүжигчин Урнаа нүүрний хөдөлгөөнөөрөө тун чадмаг гаргана. Тансаг байшинд юугаар ч үл дутах баян чинээлэг, элэг бүтэн амьдрал дунд Хандмааг яагаад ч юм ганцаардлын сүүдэр дагана. Тэр дэлгүүрээс гарахдаа сахиусан тэнгэрийн жигүүртэй цав цагаахан өмсгөл худалдаж аваад харина. Гэртээ ирж хань ижлээ, хоёр хүүгээ хүлээх боловч тэд нь тус тусын ажилтай учир оройтох тусам Хандмаагийн гансрал нэмэгдэж, бэлдсэн хоолоо амандаа чихэж их л бүдүүлэг байдал гаргах нь галзуу хүн үү гэсэн эмзэглэлийг төрүүлнэ. Тийм ээ, түүний сэтгэл дотор жирийн айлын эзэгтэй, бас жир бус нэгэн хоёр зэрэгцэн оршиж байжээ. Хүний ухамсарт бурхан, бугийн аль аль нь оршиж байдаг гэсэн эртний философичдын санаа энд гарч ирнэ. Киноны туслах дүрүүдэд солонгос савангийн дуурийн түгээмэл шинж анзаарагдана. Түшиг захирлын ажлын газрын хоёр цэвэрлэгч хүүхэн “Царцаа Намжил” домогт “Хоёр хулгана бувар бувар гэнэ” гэдэг шиг тэрүүхэндээ ховон хошуулах нь яг л солонгос киноны дүр гэлтэй.

Зохиолоо үзэгчдэд хялбар ойлгуулах гэсэндээ ийм арга ядсан яриан хэсгийг түлхүү оруулсан гэлтэй. Тэрнээс биш киноны зураг авалтын хувьд бас ч гэж дэвшилттэй зүйлс анзаарагдаж байна. Түшигийг гадаад явсан хойгуур эхнэр Хандмаатай нь Алтангинж дотносох оролдлогыг хэдэнтээ хийнэ. Хүүгийнх нь тоглодог сагсны талбай дээр Алтангинж очиж Хандмааг тэврэн эргүүлэхэд ихэд гайхаж эгдүүцнэ. Гэвч түүнийг нэрээ хэлэхэд ямархан нэг зүйл санаанд нь орж бага насных нь дуртатгал сэргэнэ. Тэр балчир ахуйдаа нэгэн хүүтэй хамт замаар гүйж явахдаа “Алтангинж ээ, би чиний Мөнгөнгинж чинь болно” гэхэд хүү “Чи бол миний шидэт дагина” гэж цангинуулан баясгалантайгаар гүйлдэх нь дэлгэцнээ тодорно. Өөрөөсөө олон дүү үл таних залуутай мотоциклиор зугаалж, будаг цацалцан, үдшийн цэнгээний газарт богино даашинзтай бүжиглэх Хандмаа баруун далан дээрээ “Алтангинж” хэмээх үгийг хүртэл шивүүлэх нь хөл алдатлаа дурласны шинж гэлтэй. Гэвч, залуугийн хувьд баян хүний эхнэртэй дотносч, тавин сая төгрөг л яаж ийж байгаад салгах гэсэн хүн шүү дээ.

Түшиг гадаад айлчлалаас ирж эхнэртээ алтан гинж бэлэглэхдээ далан дээр нь шивсэн мөнөөх үгийг олж харна. Хандмаа нөхрийнхөө ажил дээр очиход цахилгаан шатанд таарсан эгчмэд цэвэрлэгч Түшиг захирлыг нарийн бичигтэйгээ учир ургуулсан гэж хэлнэ. Энэ үг сэтгэцэд нь хүчтэй нөлөөлсөн Хандмаа мөнөөх охиныг олны нүдэн дээр гэзэгдэн, улмаар ухаан алдаж унана. Тэр ч бүү хэл ханьтайгаа гэртээ ярьж сууж байгаад гэнэтхэн “Намайг аллаа, авраарай” хэмээн зугтана. Түшиг шөнө сэрээд ханиа хажуудаа байхгүйг мэдээд босож харахад аквариумын загаснуудаа угаалгын машинд угаагаад сууж байх жишээтэй. Бас хүү Энхжин, Мөнхжин хоёртоо ч төвөг учруулна.

Бага хүү нь загварын үзүүлбэрээ үзүүлж байхад үзэгчдийн суудалд тухлан харж суусан ээж нь гэнэтхэн тайзнаа үсрэн гарч хамаг хувцсаа тайчин бүжиглэнэ гэдэг ямар олиг байх вэ дээ. Хүү гомдож ээжийгээ “Тан шиг ээжтэй байснаас байгаагүй нь дээр. Үхвэл таарна” гэхэд аав нь хүүдээ алган боов амсуулж “Амьдрал гэдэг чинь дандаа тэмцэхийн ч нэр биш. Тэвчихийн нэр” гэж хэлнэ. Алтангинж Хандмаатай зугаалсан, хамт авахуулсан зургуудаа нөхөр Түшигт нь аваачиж өгч мөнгө салгах гэж шантаажилна. Гэвч, Түшиг тийм ч амархан нэг жулдрай бандид бэлэн мөнгө өгчихгүй. Мань эрийг хүлэн хээр аваачиж харанхуй шөнөөр айлган сүрдүүлнэ. Хүнд утсан чинээ улаан аминаас үнэтэй зүйл орчлонд юу байх билээ. Алтангинж эхнэртэй нь дотносоогүй гэдгээ хэлж уучлал гуйна. Харин Түшиг гэнэт “Чи Хандмаатай улам дотносвол чамд хүссэн мөнгийг чинь өгнө” гэж ятгана. Чингээд, Хандмааг дунд сургууль төгсөхдөө байшингийн дээвэр дээр сэтгэлт хөвгүүн Алтангинжтэйгээ ярилцаж байтал, найз хөвгүүн нь дээврээс нисэж бурхан болсноос улбаалж сэтгэцийн өөрчлөлттэй болсныг учирлан ярина.

Хандмаагийн өсвөр ахуйд тохиолдсон эл гунигт явдал сэтгэлийн шарх болж дотор нь хоёр өөр Хандмаа амьдрах болсныг үзүүлнэ. Үүнээс хойш Алтангинж Хандмаагийн хувьд унаган багынх нь анхны хайртын дүрд тоглох болно. Нөхөр Түшиг нь тэр хоёрын дэргэд байхад ч Хандмаа үл танина. Алтангинж хүний амрагийн дүрд тоглох ажлынхаа хөлсийг авсан ч хүн чанар нь хатгаж Хандмаа дээр ирнэ. Түүнийг найз бүсгүй нь ятгаж “Ийм өвчтэй хүнийг ая тааваар байлгавал тустай” гэснээр иржээ. Эцэст тэрээр барилгын өндөр өргөгч цамхаг дээр сахиусан тэнгэрийн хувцастайгаа гарч, бурхан болсноор зовлонт нэгэн хүний шаналант амьдрал төгсөнө. “Миний нууц” гэдэг нэрийн тухайд хэн нэгэн нууц амрагийн тухай биш гэдэг нь ийнхүү тайлагдана. Эл киноны дууны шүлгийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар бичиж, аяыг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав хийжээ.

Дууг гавьяат жүжигчин Т.Ариунаа дуулж, олны хүртээл болголоо. Найруулагч Д.Галбаярын хувьд нэрт жүжигчин Дашхүүгийн хүү, удам дамжсан урлагийн хүн гэдгийг уншигчид мэдэх байх. “Миний нууц” уран сайхны кино зарим нэгний яриад байгаа шиг Холливудын хэмжээний бүрэн төгс бүтээл болоогүй нь ойлгомжтой. Харин зураг авалтын зарим нэг шийдэл болоод хүн хүнээ хайрлах сэтгэлзүйн дүрүүдийг амилуулснаараа сүүлийн үед гарсан кинонуудаас харьцангуй дөнгүүр, хүнд юм бодуулах дэлгэцийн бүтээл болжээ гэдэгтэй үзэгчид санал нийлэх биз ээ.


Categories
мэдээ цаг-үе

Анхны хайр

Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол дэлхийн 36 зохиолчийн 60 шилмэл өгүүллэгийг сорчлон орчуулж “Дэргэд холын уулс” ном бүтээжээ. Уг номын өмнөтгөлд “Наян онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дотуур байраар ороход Дөнгөтийн Цоодол “Он жил” яруу найргийн номоо хэвлэлд бэлтгэснээ үзүүлэхийн хамт Р.Таагүр, А.П.Чехов, А.А.Платонов, Ги Де Мопассан зэрэг сонгодгуудын бүтээлээс орчуулахаар оролдож буйгаа ярьж байсан. Мөн энэ номонд орж байгаа Э.Хэмингуэй, Ф.Достоевский, И.Бунин, К.Паустовский зэрэг аваргуудаас гадна бас Молдавын И.Друце, Гүржийн Н.Думбазе, Э.Кипани зэрэг улс орнуудынхаа тухайн цагийн уран зохиолын бараа хараагүй өндөр өндөр уулс мэт бүтээлээс орчуулсанаа ярьж суусан. Олон улсын шилдэг зохиолчдын өгүүллэгийн ном бүтээх тухай эрхэм нөхрийнхөө яриаг миний хувьд бараг мартсан байлаа. Харин Цоодол маань Армен Грант Багразян, япон Р.Акутагава, финланд В.Хоувинен, орос В.Богомолов, В.Шукшин, А.Приставкин, М.Зощенко, унгар Трибор Дери… гээд бусад олон зохиолчдын шилдэг өгүүллэг туужаас орчуулсаар өнөө хүрсэн нь бахдалтай” хэмээн Соёлын гавьяат зүтгэлтэн Баарангийн Пүрэвдашийн өгүүлсэнээс энэ номын чанар чансаа мэдрэгдэнэ. Энэхүү шилмэл орчуулгуудаас Владимир Богомоловын “Анхны хайр” өгүүллэгийг “Өдрийн сонин” хүргэж байна.

Бид хоёрыг тас тэврэлдэн хэвтэхэд нүцгэн газар тийм ч хүйтэн, эв хавгүй, нойт оргиж санагдсангүй ээ. Үнэндээ бол яах аргагүй нойтон, хүв хүйтэн, доороос гарцаагүй нухаж байсан байх даа. Энэ бүсгүй манай хороонд анх ирсэн хагас жилийн өмнө бид хоёр уулзаж танилцсан юм. Тэгэхэд би арван ес, харин тэр арван наймтай байлаа. Бид сумангийн захирагч, эмнэлгийн асрагч нараас нууцгайгаар танилцсан юм. Ер нь бидний хайр сэтгэлийн тухай ялангуяа бид гурвуулаа болоод байгааг хэн ч мэдээгүй ээ.

-Энэ бол гарцаагүй хүү байна гэж тэр лав арав дахь удаагаа батлан шивэгнээд яг л чи гэсэн үг хэмээн нэмэх нь намайг тэгтлээ их баярлуулахыг хүсчээ.

-Охин байсан ч яадаг юм. Чамтай төсөөтэй байг л даа, ялгаа юу байхав гэж дотроо шал ондоо юм бодож байсан би хэллээ. Бидний байгаа газраас таван зуугаад метрийн зайд газар гэр, ил нуувчинд манай сумангийн байлдагч түрүүч нар унтацгааж байлаа. Хамгаалалтын бүсээс бүүр цаана немцүүдийн пуужин хааяа нэг гэрэлтүүлэх 162 дугаар өндөрлөгөөс өөр юм харанхуйн дунд юу ч үл үзэгдэнэ. Одоогоос долоо хоногийн өмнө торгуулийн сумангийнхан дайснаас буцааж авах гээд чадаагүй тэр өндөрлөгийг миний захирсан суман өнөө шөнийн үүрээр эзэлж авах үүрэг аваад байлаа. Энэ тухай одоогоор ердөө тавхан офицер, үүн дээр урьд орой штабын байранд биднийг дуудсан хороон дарга хошууч л мэдэж байсан юм. Хороон дарга бидэнд тушаал танилцуулахдаа онцлон надад хандаж “Катюша” галлаж ногоон пуужин харвамагц чи дайрах ёстой. Бусад нөхөд чинь ч адилхан дайрна. Тэгэхдээ өндөрлөгийг зөвхөн танай суман эхэлж эзлэх ёстой гэсэн юм.

…Бид хоёр улам чанга тэврэлдэн хэвтэж, би түүнээ байн байн үнсэж байхдаа удахгүй болох гэж байгаа тулалдааны тухай бодохгүй байж яаж чадах билээ. Гэвч эд бүгдээс ч илүүгээр дэргэд минь байгаа түүнийхээ хувь заяаны тухай сэтгэл өвдөж яавал дээр юм бэ, яах вэ гэж шаналан зовж хэвтлээ. Тэгтэл тэр “Би хоёр хүний тулд заавал унтаж амрах ёстой шүү дээ” гээд “Одоо энд болж байгаа бүхэн өглөө болоход л бүгд дууссан байх юм шиг надад шөнө болгон санагдаад байх юм. Энэ олон нуувч, цус нөж, үхэл зовлон бүгд ялгаагүй. Гурав дахь жилдээ энэ дайн болж байна. Мөнхөд ингээд үргэлжлээд байж болохгүй биз дээ даанч. Нэг мэдэх нь ээ өглөө болсон чинь нар мандчихсан, дайн дуусчихсан, бүр үүрд дууссан байна гээд чи төсөөлөн бодооч” гэлээ.

Чагнаж хэвтсэн би, “Одоохон хошууч дээр очлоо” гээд түүний толгой доогуур ивсэн гараа авах зуураа хурдан өндийж “Захирагчид бүх үнэнээ хэлье, бүгдийг нь хэлье. Чамайг эндээс гэрээд чинь буцааг , бүр өнөөдөр буцаагаад өгнө үү гэе” гэвэл тэр ханцуйнаас минь атгаж өөр рүүгээ хүчтэй угзраад,

-Юу гэж байгаа юм. Битгий тэнэглээч. Алив наашаа, хэрэв тэгвэл хошууч ёстой арьсыг чинь хуулна даа гэв. Дараа нь манай хороон даргыг дууриан паргиа намуухан дуугаар удаан гэгч хүчлэн шивэгнэж,

“Удирдлагадаа байгаа хүмүүстэй хэт дотносох явдал аль ч анги хэсгийн байлдааны хүч чадлыг хэзээ ч дээшлүүлдэггүй юм. Харин ч захирагчдын нэр хүнд унах болно. Хэрвээ ийм байдал мэдэгдэх юм бол хэн ч байсан түүнийг үг дуугүй хөөн зайлуулах болно. Тийм тодорхойлолттой хүнийг ёс журамтай газар хүлээж авах номгүй. Дайндаа ялчихаад хэндээ хамаагүй, хэддээ хамаагүй дурлан хайрлацгаа! Одоогоор бол үүнийг хатуу хориглоно”… ингэж шоолсон түүний дуу тасалдаж, хэсэг тайтгарсан мэт дээш харан хэвтэж хэн ч бүү сонсог гэсэндээ зөөлхөн инээлээ. Би ч гэсэн дарга маань надад баяр хүргэхгүй гэдгийг сайн мэдэж байв. Манай хошууч бол хамгийн хатуу дэг журамтай, дайны талбар гэгч эмэгтэй хүн байх ёстой газар биш гэдэгт гүн итгэсэн, тэр тусмаа дурлал мурлал гэж бүр ч ярихгүй нэгэн л дээ.

-Ямар ч гэсэн би түүн рүү очоод үзье гэж дахин хэллээ. Үүнийг сонсмогцоо тэр бас л “Чимээгүй!” гээд нүүрээ хацарт минь нааж жаахан дуугүй байснаа санаа алдаад, бүгдийг би өөрөө хийе, яахыгаа би бодож оллоо. Хүүхдийн эцэг байнаа… чи биш гэв.

-Чи яасан ч тэнэг юм бэ дээ гээд хөгжилтэй болж, бурхан минь хүүхэд л чамтай битгий адилхан байж халаагаасай. Ер нь бол үнэмлэхэн дээр эцэг нь чи л байх болно гэдгийг мэдэж байна уу. Эцгийг нь би одоо ондоо хүнээр хэлнэ гэлээ.

-Тэр минь яг жаалхан хүүхэд шиг томоогүй гэнэн цагаахан, бодож олсон энэ заль нь хүртэл өөрт нь л таарсан зүйл учраас намайг бүр гайхуулчихаж билээ.

-Чи тэгээд эцэг нь гэж хэнийг хэлэх болж байна?

-Нас барагсдаас л нэгийг нь, за яадаг юм Байков ч гэсэн болох л юм.

-Үхэгсдийн ясыг өндөлзүүлэх хэрэггүй дээ.

-Тэгвэл Киндяевыг гэе.

Ахлагч Киндяев бол царай зүсээр сайхан залуухан, даанч их уудаг, хулгай хийдэг саяхан торгуулийнхан руу туугдсан нэгэн л дээ. Би шинелиэ шалан дээр шидээд хайртыгаа өөрөөдөө наалдуулан хүчтэй гэгч тэвэрч авлаа. Тэр дахиад л “Чимээгүй” гэж болгоомжлуулан гараараа хэнхдэг рүү нудраад “Чи биднийг дэндүү шахаад байна гэм дээ. (Тэр өөрийнхөө тухай ярихдаа хэдийнэ олон тоон дээр ярьдаг болсон бөгөөд хэлсэн үгэндээ хүүхэд шиг итгэн баярладаг байлаа) Тэнэгхэн чи минь дээ. Энэ бүхэн чиний минь бидэнд өгсөн аз жаргал. Чи л намайгаа олж уулзсан юм чинь. Хоёулаа байхад алзахгүй ээ хө. Ийнхүү тэр минь бодож санах ч юмгүй залуу насны өнгө гэгээ цацруулан инээмсэглэж хэвтэнэ. Харин миний хувьд инээхтэй манатай байлаа.

-Хүүеэ чи хошууч руу одоо очих ёстой шүү дээ.

-Харанхуй шөнөөр яах юм. Чи чинь юу болчихов оо?

-Зүгээр ээ, би чамайг хүргээд өгье л дөө. Хошуучид миний бие муу байгаа гэдгээ хэлээч, дараа гэхэд амжихгүй ч юм билүү.

-Тийм юм гэж хаа байсан юм.

-Худлаа, яагаад амжихгүй гэж.

-Би чамайг гуйя. Чи яаж ингэж байх юм. Чи эндээс явсан нь дээр. Чи ойлгооч, хэрвээ гэнэтхэн… Гэнэтхэн маргааш тулалдаанд орвол яах юм?

-Тулалдаан гэнээ гэснээ тэр сая л бүгдийг ойлгосон бололтой хэсэг дуугүй болов. “Тэгэх ёсгүй дээ. Энэ чинь тэгээд үнэн юм уу” гэв.

-Үнээн.

Тэр хэсэг хугацаанд дахиад таг дуугүй болов. Надад хязгааргүй танил дотно амьсгалынх нь янзаар би түүнийг саяын үгнээс ихэд айж түгшжээ гэдгийг нь таамаглав.

-Одоо яая гэхэв. Тулалдаанаас зугтаалтай биш, оргоно гэж бүр ч ярихгүй ээ. Тэртэй тэргүй намайг эмчийн үзлэгт оруулах, дивизийн шийдвэр гарах гээд хэдэн өдөр өнгөрнө биз. Маргааш л би хошууч дээр оръё. Ингэж шийдэх шив дээ гэв.

-Түүн дээр очно гэдэг надад тийм амархан гэж бодно уу чи, тэрнээс үхсэн минь амар. “Ухаантайхан л байгаарай хө” гэж хошууч надад хичнээн олон удаа анхааруулсан билээ. Тэгэхэд миний байж байгаа нь энэ.

Тэр гэнэт цурхиран уйлаад дорхноо эргэж нүүрээ шинелийн ханцуйд хийж бүх бие нь чичрэн чимээ гаргалгүй мэгшлээ. Би түүнийг хүчээр шахам тэврэн авч, нимгэхэн уруул, дух, уйлснаас болж давс амтагдсан нүдийг нь дув дуугүй үнсэнэ.

-Алив тавиач би явлаа гээд намайг түлхэн “Чи хүргэж өгөх үү” гэж дөнгөж сонсогдох төдий асууж билээ. Бид батальоны эмнэлэг байгаа дүнзээр халхалсан харанхуй хүйтэн хонгил руу орж ялигүй бүдүүрч эхэлсэн түүнийхээ суганаас түшин явлаа. Алхам болгоныг нь анаж, газраа хүрэлгүй буцчих вий, халтирах вий, халтираад уначих вий гэсэндээ хоёр гараараа хамаг чадлаараа түшиж явсан юмсан. Ухаандаа, түүнийгээ юм бүгдээс аварч чадах юм шиг өнөөдрийн үүрээр эхлэх байлдаанд тэр минь амь өрсөн гүйж харайж, унан тусан, шархтнуудыг зөөж үйлээ үзэхээс нь хамгаалж хаацайлан чадах юм шиг л явж билээ би. Энэ бүх явдлаас хойш олон жил өнгөрчээ. Гэвч тэр бүхэн дөнгөж өчигдөрхөн болж өнгөрсөн юм шиг тодхон санагдаж явдаг юм. Болзсон үүрээр Катюшийн гал эхэлж миномет, дивизийн их буунууд нижигнэн ногоон пуужин ч хөөрлөө.

Нар гарч байхад би сумангаасаа амьд үлдсэн хэдтэй өнөөх өндөрлөгөө ч авах нь авсан юм. Хагас цагийн дараа гэхэд германуудын эзэмшилд байсан тохилог нүхэн гэрт хорооны дарга өөр хэн хэн ч билээ намайг тэврэн баяр хүргэцгээж гар барьцгааж байв. Харин тэр үед би яг хөшөө шиг хөшчихсөн юу ч ойлгохгүй, юм харах, бусдын яриаг сонсох ямар ч сэхээгүй амьтан зогссоор байж билээ. Тэртээд нар мандаж байна. Түүнийг байрнаас нь буцааж болдог ч болоосой. Бүр тэнгэрийн хаяанд нь эргүүлээд хүргэчихдэг ч болоосой. Нэгэнт цайсан өнөө өглөөний үүрийг дахиад эргүүлэн цайлгаж чаддаг ч болоосой. Ердөө хоёрхон цагийн өмнө бид гурвуулаа байсан юм шүү дээ. Нар ч яахав алгуурхан, юунд ч үл захирагдан дээшилсээр би өнөө өндөрлөг дээрээ зогссоор л. Харин хөөрхий тэр минь одоо нэгэнт оршуулгын хэсгийнхний самнаж яваа тээр тэнд үлдэн хоцорчээ. Тэр миний хувьд хэн минь байсан, бид ам бүл гурвуулаа байсан юм гэдгийг хэн ч бүр ганц ч хүн мэдэх байтугай сэжиглэж таамагласан ч үгүй ээ.

Categories
мэдээ цаг-үе

Л.Хөсрий: Халхаас нүүж очсон дүрвэгчдийг Сөнөдийнхөн “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж хөөж туудаг байсан гэдэг

Ардын хувьсгал ялснаас хойш арав гаруй жилийн хойно ард түмнийг хилс хэрэгт үй олноор нь хэлмэгдүүлсний улмаас хилийн чинадад дүрвэн гарцгаах болсон байдаг. Хэлмэгдүүлэлт эхлэхэд айж цочирдсон ард иргэд, тэр дундаа зах хязгаар нутаг хилийн дагуу аж төрж байсан олон айл өрх хил даван дүрвэж гарсан бөгөөд түүхийн сурвалж бичигт долоон мянга гаруй өрх, гуч гаруй мянган иргэн эх орноо орхин гарсан гэж тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн амьд гэрч болсон цөөхөн хүний нэг Говийн тайжууд овогтой Лувсангийн Хөсрий гуайтай уулзаж хөөрөлдлөө.


-Таныг өнгөрөгч зууны гучаад оны үед Өмнөд Монголд дүрвэж гараад хожим эх орондоо орж ирсэн сонин хувь заяатай хүн гэж сонсоод сурагласаар ирлээ. Та энэ талаараа яриач!
-Гучаад оны ээдрээтэй тэр цаг үед одоогийн Өмнөговь аймгийн Их, Бага Шанхай, Цогтцэций, Ханбогд орчмоор нутаглаж байсан малчин ардууд төрсөн нутгаа орхин Ловон багшийг даган дүрвэн нүүсэн гэдэг. Тэдний дотор тайж язгуур угсаанаасаа айсан манай аавын авга ах Хорол тайж, Аньд тойн, төрсөн ах Бариад, Жамбал, Анахүү нар айл хотлоороо Өмнөд Монголын баруун Сөнид хошуунд очиж суурьшаад арван таван жил болж, харин аавын авга эгч нар нүүлгүй нутагтаа үлдсэн гэдэг. Баруун Сөнөдөд нүүж очиход анхандаа буурь засах бууц ч олдохгүй, нутгийн айлууд ч “Та нарыг самбай барьж залж авчраагүй, саваа барьж тууж ирээгүй” гэж загнан хөөж туудаг байсан ч угсаа нэгт монголчууд болсон хойно аажимдаа дасацгаасан гэдэг. Нүүж очсон айлууд эхэндээ нөмөр даган бууж, намар орой болоход ханан хороо барьж хонио хотлуулан, шар хондонд өвөлжөөд, дараа жилээс нь тэндээ бууж бууцжуулсаар байран өвөлжөөтэй болсон байдаг. Мөн усны судалтай газрыг шинжин олж худаг гарган, буух бууц, уух устай болцгоосон байна. Өмнөд монголчууд их ажилсаг улс болохоор хөрзөнгөөр жан цохьж өндөр сайхан хороо барьдаг, чононоос хонио хамгаалж хорооны дээгүүр төмөр утас татдаг байсныг аав ээж маань ярьдаг байлаа.
-Таны аав хэн гэж хүн байв?
-Миний аавын өвөг дээдэс үе залгамжилсан тайж язгууртай Говь Шанхай нутгийн хүмүүс байсан юм билээ. Аавын өндөр өвөг Анч дөрвөн хүүтэй байснаас миний өвөө Даш отгон хүү нь. Миний өвөө Даш малын эрэлд явж байгаад гэртээ иртэл хань нь хөхөө ил гаргаад уяатай хүүгийнхээ дэргэд нас барсан байж. Найман хүүхэдтэй айлын отгон хүү, аав Лувсан минь тэгэхэд гуравхан настай, бурхан болооч ээжийгээ хөхчихсөн, ах эгч нар нь тойроод уйлалдаад сууж байсан гэдэг. Дашийн эхнэр тэр өдөр саахалт айлын хүнтэй хээр таарахдаа “Түлхээгийн энгэрээр хонио эргүүлж явтал нэг том шувуу нисэж ирээд алгадчихлаа, бие их муу байна. Харьж муу хүүгээ хөхүүлж чадах нь уу, үгүй юу” гэж толгой нь гилжийгээд царай муутай явсныг өвөөд хэд хоногийн дараа нөгөө хүн хэлсэн байгаа юм. Даш өвөө хүү Лувсангаа таван нас хүрэхэд “Миний хүү том болж, одоо айлд очиж ажил хийж амь зуух хэрэгтэй” гэж хэлээд нутгийн олон малтай баян айл болох Хар Бүтэд гэдэг хөгшнийд аваачиж өгөөд “Аав нь хүүгээ эргэж ирж байнаа” гээд явснаас хойш ахин уулзаагүй юм гэдэг.
-Аав чинь айлд зарцаар очжээ дээ?
-Хар Бүтэд хөгшнийд ирснээсээ хойш аав Луузанхүү гэж дуудагдах болж. Бүтэд хөгшин өнчин хүүд өвлөөс бусад улиралд дулаан хувцас өмсгөдөггүй, хөл нүцгэн хурга хариулуулдаг байсан гэдэг. Хонинд хөл нүцгэн явсаар идээлж, гишгэх аргагүй болсон байхад эзэн авгай “Хонинд чоно орууллаа” гэж аашилж загнан гадаа хонуулдаг байсан тухай аав минь хожим хуучлахдаа нүдэндээ нулимстай суудаг сан. Аав минь “Эр бор харцага”, “Өвгөн шувуу”-г эрвэлзтэл сайхан дуулдаг, шагайн харваан дээр уухайг маш сайхан хийдэг хүн байсан. Аавын шагайн бүрэн хэрэглэл хожуу болтол хадгалагдаж байлаа. Аав минь бага байхдаа зарагдаж байсан бас нэг баян өндөр Борын зээ охин Эрэнжавыг арван есөн настай байхад гучин дөрөвтэйдөө ёс төрлөн авч айл гэр болсон юм билээ.
Ээжийнхээ тухай ярих зүйл их л байгаа даа?
-Намайг төрүүлсэн ээж Төмөр эмээ дээрээ өсөөд нутгийн Доржсэмбэ гэдэг хүнтэй сууж гурван хүүхэд төрүүлэн сайхан амьдарч байжээ. Тэгтэл зэвсэглэсэн гамин цэрэг Монголоос хөөгдөн буцаж явахдаа манай нутгаар дайран ачаа хөсөгтэй цувж, замд таарсан айлуудын мал хөрөнгө, эд юмсыг тонон дээрэмдэж, эсэргүүцсэн хүнийг барьж хороож байж. Тэр үед Доржсэмбийнх тэргүүтэй хэдэн айл гэрээ орхин ойр зуурын юмаа тэмээнд ачаалаад, гамингийн хөлөөс зайлахаар дүрвэж нүүхдээ хүүхдүүдийнхээ томыг ачаан дээр суулгаж, хоёр бага хүүхдээ өөжинд хийж тэмээнд тэгнэн дээсээр даруулж явжээ. Тэд хөдлөөд Шанхайн уулын бэрхэд гарахаар явж байгаад Хэцүү агуйд буудаллаад байсан гамингууд дээр мэдэлгүй орчихож. Гэнэт гарч ирсэн ачаа хөсөгтэй улсыг хараад сандарсан гамингууд өөдөөс нь буу тавьж, айлын эрчүүд буудалцах үеэр ачаан дээр суусан хүүхэд суманд оногдож, сэгстэй тэмээ нь туйлан ачаагаа тарааж шидлэхэд өөжинд явсан хүүхдүүд нь газар дээрээ үрэгдэж, эрчүүдийн зарим нь баригдаж, зарим нь шархтаж тарж бутран сүйд болсон юм билээ.
-Ёстой нэг гай газар дороос гэдэг болж дээ, зайлуул…
-Яриад яахав. Ингэж ээж минь гурван нялх үрээ нэг дор алдаж сэтгэлийн гүн зовлонд унан, ёстой л дээлтэйгээ хатна гэгч болж байсан гэдэг. Түүнээс хойш дахин дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг нь ч тогтоогүй тул аргаа барахдаа нөхөртэйгөө ярилцан тохирч хоёр тийш болоод төрхөмдөө буцан, удалгүй Өмнөд Монголд дүрвэн гарсан байдаг. Тэнд миний эцэг уран Жамбалтай ханилан сууж намайг төрүүлж. Ээж минь залуудаа урт сайхан гэзэгтэй, бүсэлхийгээрээ нарийхан гоолиг биетэй, цагаан царайтай нутагтаа “Сайхан Төмөр” гэгддэг үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Миний аав Жамбалыг өнгөрсний хойно Онолтын Цэрэндорж гэдэг хүнтэй ханилж Дундговь аймгийн Өлзийт суманд ирж суурьшсан. Би ээжийгээ Өмөө гэдэг байсан юм.
-Та чинь Лувсан гэдэг хүнээр овоглодог байтлаа юун уран Жамбалын охин болоод явчихав аа?
-Би чинь одоогийн манай улсын хилийн цаана төрсөн хүн. Өмөө маань гамингийн хөлд гурван сайхан үрээ үрснээс хойш төрүүлсэн дөрвөн хүүхэд нь тогтоогүй болохоор баруун Сөнөдөд очоод ээжтэйгээ амьдарч байгаад миний өргөж авсан аав Лувсангийн ах Жамбалтай ханилан намайг олсныхоо дараа “Энэ хүүхдийг яаж тогтоох вэ” гэж мэргэн хүнээс асуухад “Дөнгөж төрмөгц нь хулгайлсан болж аваад үрчилж авах айлын сайн зүгт хээр хая. Тэгвэл тогтоно” гэж айлдаж. Ээж намайг төрөхөөс өмнө Утай явж эргэл мөргөл их хийсэн гэдэг. Тэгээд 1937 оны шороон үхэр жилийн намар баруун Сөнөдийн Сээрийн уул гэдэг газар майханд амаржин намайг төрүүлж, Юлтий Сүх боож аваад майхны сүүлэн (хаяа) доогуур “хулгайлан” авч гараад, цаанаас нь авах айл Лувсангийн зүгт аваачиж нэг том бутны өмнө шороо хонхойлж тавиад элс шороогоор манаж орхижээ.
-Та Хөсрий гэсэн их содон нэртэй хүн юм аа?
-Тэр их учиртай хүү минь. Намайг төрөх үед өргөж авах ээж Эрэнжав маань нөгөө майхны зүг өдөр бүр ширтэн хүлээж суудаг байсан гэдэг. Нэг өдөр майхны гаднаас нэгэн өндөр хүн жижигхэн юм барьсаар гэрийг нь зүглэн явсаар том бутны өмнө сууж байгаад явж. Эрэнжав ээж намайг тавиад явахыг мэдээд “Нүдийг нь шувуу ухчихвий” гэж сандран том бутыг нүдлэн амьсгаа даралгүй гүйсээр очиход би шороогоор манаастай, сүүл хөхөөд хэвтэж байжээ. Намайг авчраад задалж үзэхэд дээлийн хуулгаар ороогоод үстэй хуучин хөдсөнд боож, гадуур нь хар навтсаар манцуйлсан байсан гэдэг. Ингэж Лувсангийнх гэдэг айл үртэй болон бүл нэмж, гурав хоноод Бандгай багшийг залж угаах ёслол хийгээд “Охинд нэр хайрла” гэсэнд “Хээрээс олсон юм чинь Хөсрий гэж нэрлэ” гэж айлдсан гэдэг.
-Өмнөд Монголд дүрвэж очсон айлуудын аж амьдрал ямаршуухан байсан юм бол?
-Манайхныг нүүж очих үед Дилав хутагт Жамсранжав, Засагт ханы Очирдара лам, Шанхайн ширээт лам, Ганжуурваа багш, Говь-Алтайн Даяанч багш, Ловон багш, Бандгай багш, Хөвсгөлийн Дондог зоч, Мэргэн Жамаа зэрэг олонд бишрэгдэн нэрд гарсан эрдэм чадалтай хутагт, хувилгаад Сөнөд хошуунд суурьшицгаасан байсан юм билээ. Тэр чадалтай сайхан хүмүүсийн нөлөөгөөр халхаас нүүж очсон айлуудад сайнаар ханддаг болж. Очсон эхний арав шахам жил ямар ч засаг захиргаагүй байсан болохоор малаа өсгөж, ашиг шимээр нь амьдарч, ноос ноолуур, арьс ширээ тээвэрлэн Жанчхүү, Хаалган орж борлуулан будаа гурил, эд бараа, хэрэгцээний юмаа авчирдаг байжээ. Тэр нутагт амьдарсан сүүлийн жилүүдэд япончууд Зүүн хойд хятадыг эзэлж, баруун Сөнөд хошуунд Хамхуу гэдэг засаг захиргааны нэгж байгуулан айл өрхөөс алба татвар авдаг болсон байна. Төдөлгүй сургууль соёл ч байгуулагдаж, нутгийн хүүхдүүдэд монгол бичиг зааж байсан гэдэг. Сөнөд хошуунд Бурхны шашны хийд байгуулагдаж хурал хурдаг байсан нь 1945 онд ар монголчууд нутгаа буцахад даган нүүж Дорноговийн Айраг суманд Нүдэн гэдэг газар төвлөрч Нүдэнгийн хийд нэртэй байж байгаад сүүлд Улаанбаатар хотод шилжин Төв Гандантэгчинлэн хийдэд нэгдсэн юм билээ.
-Та тэнд аж төрж байсан бага насны амьдралаа хэр санадаг вэ?
-Утайд мөргөхөөр амьтан ах дүүгээрээ хамт явсныг санаж байна. Лав л нэг хонхороор дайран гартал хувцастай, хувцасгүй баахан үхсэн хүүрэн дундуур явсаар нэг хот суурин газарт очиж дэн буудал гэгчид байрлаж байсан юм даг. Тэр их хүүрэн дундуур туучин томчуул ам амандаа маань дүнгэнэтэл уншин явж байсныг бодоход тойрох аргагүй л газар байсан бололтой. Тэр сууринд нэлээд удаж, тэнд тэмээ малаа заран байж ачааны машинд суун Жанчхүү буюу Хаалган хотод очоод галт тэргээр нэлээд урт зам туулсаар Утайд очсон санагдана. Тэнд очоод ээж халуурч өвдөөд босч чадахгүй болсон байлаа. Мөргөлчдийн нэг нь түвд маарамба залж ирээд үзүүлсэнд “Хөлөрч ирээд, халуун ханзан дээр нойтон хувцастай унтаад жин цохиулсан байна” гээд сайтар хөлөргөж эдгээсэн юм гэсэн. Ээжийн бие зүгээр болж Хэвтээ ламын агуйд очиж мөргөнө гэж явган явлаа. Холоос харахад орхимж нөмөрсөн лам хэвтэж байгаа юм шиг харагдаад байсан хад руу явсаар байгаад очсон чинь улаан шар алаг чулуу л байсан. Бид буцахдаа нэг сууринд ээж бид хоёр хүн хөллөөд явдаг “Дүенчан” гэдэг тэргэнд сууж үзэж билээ. Намс намс гэсэн их зөөлхөн гоё унаа байсан санагддаг. Биднийг суулгасан тэрэгчний хөлс нь дуслаад байхаар ээж “Хөөе чи зөөлөн яв, наад хөлс чинь хэцүүдлээ” гэсэн чинь бушуу яв гэж загналаа гэж ойлгосон юм байх улам хурдлан гүйсэн гэдэгсэн. Тэр хотод бас “шойтон” гэдэг жижиг хөлтэй эмэгтэйчүүд явж байхыг үзсэн.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Мадонна, Майкл Жексоноос ч алдартай “JOY” хамтлагийнхан монгол бүсгүйчүүдэд зориулан дууллаа

Австрийн Бад Ауссье хотод анх үүсгэн байгуулагдсан “Joy” хамтлаг Монголд өчигдөр тоглолтоо хийлээ. Хамтлагийн уран бүтээлчид энэ сарын 6-ны өдөр Монголд ирсэн юм. “Crocus Event Hall” клубээс өнгөрөгч зууны ная, ерээд оны диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэхүү үдэшлэгт гадаадын хамтлаг дуучид ирж оролцдог уламжлалтай бөгөөд өнгөрөгч онд “London Beat”, “La Bouche” зэрэг хамтлаг ирж уг үдэшлэгт оролцож байсан удаатай. Харин энэ удаад Австрийн “Joy” хамтлагийн уран бүтээлчид ийнхүү урилгаар хүрэлцэн ирж, өчигдөр 20 цагт “Crocus Event Hall” танхимд тоглолтоо толилуулсан юм. Тоглолтод “Шар айраг” хамтлаг оролцож “Smokie” ковер тоглолтоороо үзэгчдэд сюрприз барилаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Mongolian Girls” гэж дуугаар бүсгүйчүүдэд бэлэг барив. “Joy” хамтлагийн үүсгэн байгуулагдсан түүхээс товч өгүүлбэл, ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Fred¬dy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байжээ.

1997 онд хамтлагийн унаган хоёр гишүүн болох Freddy Jaklitsch болон Man¬fred Temmel нар тусдаа гарч “Seer” нэртэй шинэ хамтлаг байгуулсан юм. Энэ нь хожим Австрийн хөгжмийн түүхийн нэгэн шилдэг хамтлаг болсон байна. Гэвч 2008 онд Manfred Temmel “Seer” хамтлагаасаа гарчээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт орж байсан ч 2010 онд хамтлагийн унаган гурван гишүүн Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Tem¬mel нар хамтлагийнхаа 25 жилийн ойгоор эргэн нэгджээ. 2010 оны аравдугаар сарын 30-нд “JOY” хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг дөрвөн хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан аж. 2011 оны долоодугаар сарын 15-нд “JOY” хамтлаг Эстонийн “Viljandi Retro Fest” танхимд Латви, Эстонийн долоон мянга гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулав. Тус хамтлагийнхан 2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-гоос зохион байгуулдаг “Dis¬co-80” шоу арга хэмжээнд оролцож эхэлсэн байна.

Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна. 1982 онд зохиогдсон “Eu¬rovision” дууны уралдаанд Австрийн дуу хөгжмийг тодорхойлсон тэдний “Sonn¬tag” дуу шилдэг аравт багтаж Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч гол хамтлагуудын нэг болсон юм. “JOY” гэдэг нь 1985 онд хамтлагийн гишүүн Michael Scheickl-ийн бичсэн анхны синглийн нэр бөгөөд энэ үеэс эхлэн хамтлагийн тухай хэвлэлүүдэд нийтлэгдэж эхэлсэн байна. Тэдний дараагийн сингл болох “Touch By Touch” нь шууд л Европын топ 20 бүжгийн чаартад багтаж Австрийн үндэсний шилдэг дууны нэгдүгээрт жагсав. Энэ цомог нь Австри, Португаль, Испани зэрэг орнуудад тавин мянган хувь борлогдож “Golden Sta¬tus” шагналыг хүртэж байсан юм. Тэдний гурав дахь сингл болох “Hello”-г Michael Sche¬ickl бичсэн бөгөөд мөн л тэр даруйдаа хит болж Австрийн Үндэсний жагсаалтад болон Европын орнуудын шилдэг жагсаалтад жагсаж байсан юм. Энэ альбом нь 30 гаруй оронд борлогдсоноор “JOY” дэлхий дахинаа нэрд гарах эхлэл болжээ.

Мөн сингл байдлаар гаргаагүй ч “Valerie” нэртэй трак нь “Krugozor” сэтгүүл, флекси сингл хэлбэрээр гаргасан хувилбар нь зүүн Европт хит болж, хэдэн жилийн дараа Унгарт “In¬flagranty” хамтлагийн ковер хийж “Te meg en” нэртэйгээр гаргасан хувилбар нь хит болов. Хамтлагийн дуунууд нь эерэг өнгө аястай бөгөөд улс төрийн үг хэллэг ордоггүй тул 1986-1987 онд Зүүн Европт үүссэн коммунист үзэл баримтлалын хуваагдал буюу Iron Curtain-ийн ард “Ein Kessel buntes” теле шоунд “DDR-Dance Dance Revolu¬tion” хэлбэрээр тоглож байсан цөөхөн хамтлагуудын нэг болсон юм. 1986 оны зун тэд хоёр дахь цомгоо “Joy And Tears” нэртэйгээр гаргав. Нийтэд танилцуулагдахаас өмнө цомгийн өмнөтгөл болгон гаргасан “Japanese Girls” сингл нь тэднийг Азид таниулсан юм. 1986 онд “JOY” хамтлаг Өмнөд Солонгос улсад Мадонна болон Майкл Жексон нараас ч илүү нэр хүнд бүхий хамтлагт тооцогдохоор санал авч байсан юм. Улмаар тэд Бангкок, Хонгконг, Сингапур, Тайвань, Сөүл зэрэг хотуудад аялан тоглолт хийсэн байна.

БНСУ-ын нийслэл Сөүл хотод 12 мянга гаруй үзэгчидтэй хоёр удаагийн тоглолт хийж “Jamsil Olympic” цэнгэлдэх бүхэлдээ дүүрч байсан бөгөөд “Japanese Girls” дууныхаа өөрчилсөн хувилбарыг “Korean Girls” нэртэйгээр тоглож байжээ. Азийн аялан тоглолтынхоо дараа тэд АНУ-ын Калифорни, Сан-Жойс хотын “Shrine Audi-torium” театр, Хятад, Вьетнамд тоглолтоо хийсэн юм. Мөн 1987 оны зун Португаль, Испани, Итали улсуудад тоглолтуудаа хийж “Destina¬tion Heartbeat” нэртэй нэгэн трак бичүүлсэн нь “Flucht in der Tod” киноны дуу болсон байна. Мөн тэр жилдээ “Best of JOY” буюу хамтлагийн шилдэг дуунуудын цоморлигоо гаргаж байв. Энэхүү цомог компакт диск дээр бичигдсэн нь дижитал ертөнцийн эхлэлийг тавьсан бүтээл болсныг онцлох нь зүйтэй. 2010 оны аравдугаар сарын 30-нд “JOY” хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг дөрвөн хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан юм. 2011 онд тэд Enjoy нэртэйгээр шинэ цомог гаргажээ. Тус цомогт 10 шинэ трак болон Touch by touch, Valerie зэрэг хуучны алдартай дуунуудын тракууд багтсан байдаг. Тус цомгийн арын бүх бокал хоолойг Michael Sche¬ickl бичүүлсэн бөгөөд цомог Австрийн үндэсний чартад 21 дүгээр байрт жагсаж байжээ. Тус цомгийг 2011 оны есдүгээр сард ОХУ-д “CD-Land” студи, Унгарт “Hargent Media” студи тус тус борлуулан олон нийтэд хүргэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Борхүүгийн Батсайхан: “Болор цом”-д хэн ч түрүүлсэн бай над шиг л муулуулах байсан

Яруу найрагч Б.Батсайхан гэргий, хүүгийн хамт. 2017.03.05

“Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга Борхүүгийн Батсайханыг нийслэл хотод хүрэлцэн ирэхэд уулзаж хөөрөлдлөө.


-Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам жил жилийн улсын баяр наадмын бөх шиг дуулиан шуугиантай болдог. Өөрөө Дорнод аймагт саяхан болсон “Болор цом” наадмын тэргүүн шагналт найрагчаар тодорлоо. Цахим ертөнцөөр өөр рүү чинь нэлээд дайралт хийв үү дээ?

-Жил болгон л түрүүлсэн “Болор цом”-ын эзэн рүү дайрч байдаг болсон доо. Тэр наадам, шүлэг, найрагчдаа алинд нь ач холбогдол өгөөд байгаа нь мэдэгддэггүй. Намайг элдвээр л хэлж байна. “Болор цом”-д анх удаа орсон, битүү морь л гэж байна. Цомыг жаран сая төгрөгөөр худалдаж авлаа гэж байна. Тийм их мөнгөтэй бол би ядаж ганц өрөө байр худалдаж авдаг юм байгаа биз дээ. Дорнод аймгийн Засаг даргын авгайн дүү гэх мэтээр элдвээр хэлж байна. Тэр худалдаж авлаа гэж байгаа хүмүүст би их баярлаж байгаа. Би мөнгөлөг, өнгөлөг харагдаж байгаа юм байна. Тэр хүмүүс утга зохиолыг худалдаж авдаггүй юм гэдгийг ойлгохгүй л байгаа юм байх даа. Утга зохиол гэдэг бол үнэлшгүй үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Утга зохиолын эцсийн оргил цэг бол “Болор цом” биш. Гэхдээ яруу найрагчид болоод уншигч олон түмний хамгийн түм уулзалт гэдэгтээ л үнэ цэнэ нь оршдог. Тухайн жилийн монгол түмний хүсэн хүлээдэг хамгийн том найргийн үдэш бол “Болор цом” шүү дээ. Хамгийн сайхан нь үзэгчидтэйгээ уулзаж байгаа яруу найрагчдын л баяр байгаа юм.

-Өөрөө яах аргагүй л Сүхбаатар аймгийн уугуул хүн биз дээ. Яахаараа Дорнодын Засаг даргын авгайн дүү, хүргэн хүү гэж хэлэгдэх болов. Танай эхнэр Дорнодынх юм уу?

-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүн. Миний аав Нанзадын Борхүү гэж барилгад насаараа жолооч хийсэн хүн. Бурхан болоод хэдэн жил болж байна. Ээж минь Дамдингийн Адьяа гэж хүн одоо хотод аж төрж байна. Би таван дүүтэй. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах бид хоёр нэг сумынх. Нутагтаа ажиллаж байгаад, хотод оюутан болж ирээд, сургуулиа төгсөөд “Сэрүүлэг”, “Хонгор зул”, “Өнөөгийн төрх” сонинд ажиллаж байсныг та сайн мэднэ дээ. Манай эхнэр болохоор Булган аймгийн Сайхан сумын харьяат Нямсүрэнгийн Мөнхдэлгэр гэж хүн байна. Бид хоёр хүүтэй. Ууган хүү тавдугаар ангид, бага хүү дөрвөн настай ийм л энгийн нэгэн гэр бүл. Дорнодын Засаг даргыг ч би яс юман дээрээ огт танихгүй шүү дээ. Сая “Болор цом”-ын үеэр л анх удаа гар барьж танилцсан. Бусдын хэл амны бай болох шалтгаан юу вэ гэвэл “Болор цом”-ын оройн хүлээн авалт дээр Засаг дарга Бадамсүрэн гэдэг хүн “Манай ээж Сүхбаатарын Онгоных юм. Онгоны хүн цом авч байгаад би баяртай байна” гэж хувийн талархал илэрхийлэхгүй юү. Тэр үгнээс л улбаалж ийм яриа гарсан байх. Ээжийнх нь нутгийн хүн түрүүлсэнд тэр хүн баярлаж болно оо доо. Дорнодын хүн амын далаад хувь нь Сүхбаатар гаралтай хүмүүс байдаг. Тэрнээс биш би Дорнодоос хүн тэгтлээ танихгүй л хүн шүү дээ. Ээждээ би “Та Дорнодод тийм мундаг арын хаалгаддаг хүнтэй байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм” гэж наргиан болгож хэлж байлаа (инээв). Тэнгэрт одсон их найрагч Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар нарын маань гэгээн сүнс нутагтаа Янжинлхам бурхнаа залъя гэсэн авшиг ч байсан юм уу. Тэрний зарч улаач болж “Болор цом” хүртлээ гэж бэлгэшээж байна даа.

Холбоотой Зураг-Сургууль соёл хаана дүүргэв?

-Онгон сумандаа дунд сургууль төгсөөд уурын зуухны галчаар гурван жил ажиллаж байгаад Утга зохиол нийгмийн ажилтны сургуулийг дүүргэсэн. Удирдлагын академийг төгссөн.

-“Болор цом”-д түрүүлэх даваандаа та “Тэр эмэгтэй” гэдэг шүлгээ уншсан юм уу. Энэ шүлгийг чинь бас “Ээжийгээ тэр эмэгтэй гэлээ” гэж нэлээд шүүмжлэх шиг болов оо доо?

-“Тэр эмэгтэй” шүлгээ уншсан.

“Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

Халууцсаар очиход минь тосон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг” гэсэн шүлэг байгаа юм.

-Таныг энэ шүлгээ дадаист урсгалын шүлэг гэсэн гэж байсан?

-Энэ шүлэг маань шүүгчдийн таашаалд нийцсэн юм байгаа биз дээ. Урсгал чиглэлийн хувьд хүн бүхэн л өөрийнхөөрөө тайлбарлах байх. Бидний мэддэг изм-ээс гадна уран зохиолын учиргүй олон изм байгаа шүү дээ. Эцсийн дүнд би утга зохиол судлаач, шүүмжлэгч биш. Ер нь тэгээд жил бүрийн “Болор цом”-ын тэргүүн найрагчийг сайн ч шүлэг уншсан, тааруу ч шүлэг уншсан шүүмжилж байдаг болчихсон нь улиг домог болж байна.

-Энэ найргийн наадамд хэдэн удаа оролцов?

-Би нийтдээ арван нэгэн удаа шүлгээ өгч, долоо найман удаа гучид шалгарч, хоёр гурван удаа арван тавд үлдэж, Өвөрхангайд болсон “Болор цом”-д айрагдаж байлаа. Энэ жилийн “Болор цом”-ын салхийг хагалж, түрүү жилийн цомын эзэн Эрдэнэбаатарыг шүлгээ уншсангүй гэж шүүмжилж байна. Хүнд хувийн хүндэтгэх шалтгаан байж болно шүү дээ. Цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлэгчдэд хариуцлага тооцдоггүйгээс хүнийг их харлуулах юм. “Болор цом” авсандаа би мэдээж баярлаж л байна. Намайг мянга харлуулж доош нь хийлээ гээд “Болор цом”-ыг буцаагаад авахгүйгээс хойш дэмий юм баймаар. Магадгүй, өөр хүн авсан бол бас л муулуулж байгаа. Хэн ч авсан ялгаагүй л муулуулах байсан.

-Баруун-Уртын төвд хаана амьдарч байна даа?

-Баруун-Урт хотынхоо долдугаар багийн 52 айлын дөрвийн хоёр тоот гэсэн хаягт амьдарч л байна.

-“Жаахан шарга” театрын дарга саяхан болов оо доо?

-“Жаахан шарга” театрын даргын албыг “Болор цом”-ын эзэн болсны мялаалганд өглөө гээд шуугиж байна. Тэгдэг л юм бол жил бүхэн “Болор цом”-ын эздийг албан тушаалаар мялаагаад байх нь ээ дээ, янз нь. Энэ театрын даргын сонгон шалгаруулалтад “Болор цом”-оос өмнө орчихсон байсан хүн шүү, би. Ажлаа хүлээж авах л “Болор цом” наадам болсны дараа болсон болохоос биш. Мялаалгасаад байсан юм ер байхгүй. Өмнөх ажлаа хийгээд гишгэж байгаа газраа л харж явъя. “Жаахан шарга” маань анх Соёлын ордон байж байгаад театр болсноосоо хойш 25 жилийн ойгоо хийсэн. Дал наяад ажилтан албан хаагчидтай томоохон театр л даа. Миний өмнөх дарга театрын маркетинг, менежмэнтийг нэлээд хөгжүүлсэн. Миний хувьд уран бүтээлч хүн даргаар очсоных урлагийн язгуур тал руу түлхүү анхаарна. Манай Сүхбаатар аймгаас төрөн гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсний 60 насны ой энэ онд тохиож байгаа. Юун түрүүнд их найрагчийн үр хүүхэд, гэр бүлийнхэн болоод аймгийнхаа Засаг даргатай энэ их хүний тэгш ойг тэмдэглэх талаар ярилцахаар төлөвлөөд байна. Одоогоор хугацааг нь товлоход бэрх байна. Яагаад гэхээр манай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад тодорхой хугацаагаар хөл хорио тогтоогоод байгаа.

-“Болор цом” авчихлаа. Одоо номоо гаргана биз?

-“Хөх үдшийн цагаан шувуу” шүлгийн номоо 2010 оны нэгдүгээр сарын 20-нд хэвлүүлж байлаа. Энэ номыг маань ивээн тэтгэсэн Дээд монголчууд, “Дэлхийн сонор” компанийн захирал Цэрэндаш, яруу найрагч Бүргэд, хэвлэхийн захирал Хасар нар маань одоо гарах шинэ номыг маань хөндлөн, босоо хоёр монгол үсгээр хэвлэж өгөх болсонд баяртай байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Жагдалын Лхагва зохиолчийн охин Нарандулам: Аавынхаа “Толгодын цаана ингэ буйлна” эхний ботийг хэвлүүллээ

Ж.Лхагва охин Нарандуламын хамт. 1982 он

Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, богино өгүүллэгийн мастер, МЗЭ-ийн шагналт зохиолч Жагдалын Лхагвын охин Нарандуламтай хөөрөлдлөө.


-Таны аав Жагдалын Лхагвааг Монголын богино өгүүллэгийн мастер гэдгээр уншигчид сайн мэднэ. Аав тань говийн бор толгодын дундаас өсөж өндийсөн их л өндөр сүмбэр байж дээ?

-Би хүүхэд байхдаа аавыгаа зохиолч, орчуулагч хүн гэдгээс өөрөөр хардаггүй байжээ. Он цаг өнгөрсөн ч улам тод болдог үнэт зүйлсийн нэг бол миний аавын цөөхөн хэдэн богино өгүүллэгүүд нь юм байна. Бас бусдын сэтгэлээс гардаггүй, мартагддаггүй тийм харахад намхан атлаа давахад барагддаггүй өндөр толгод юм даа гэж би одоо бахархаж сууна даа. Аав маань говь нутагтаа хайртай, тэр дундаа өссөн нутаг усаа маш их бичдэг говийн л хүн байсан.

-Хүн бүхэнд ойр дотныхных нь тухай сайхан дурсамж байдаг. Аавынхаа тухай их л олон дурсамж хадгалж яваа даа?

-Мэдээж аав, ээжийнхээ тухай дурсаж бодох шиг сайхан юм хаана байх вэ. Аав маань их л олонтой, нийтэч манайх гэдэг айл байнга л зочинтой, хөл хөдөлгөөн тасрахгүй, нэртэй том зохиолчид, жүжигчид, дарга, цэрэг, гудамжны архичин ч манайд ирдэг л байсан. Хүнийг их бага, дээр доор гэж ялгадаггүй аав ээж хоёрын минь хаана ч байхгүй чанар гайхалтай. Ээж тэр бүгдэд төвөгшөөхгүй хоол цай хийгээд л байж байна. Өдөр болгон л тогоо дүүрэн мах чанаастай. Хүн дайлаастай. Манай галын өрөөний цонх шиг зузаан цан тогтсон цонхтой айл манай байранд лав байгаагүй санагддаг юм. Аав маань сайхан хоол хийнэ, говийнхны унд гэж нэрлэдэг өтгөн хийцтэй цай чанана. Гэхдээ ер нь иддэг юм нь мах, гурил. Хүмүүс намайг аавтайгаа адилхныг гайхна. Аавыг томилолтоор явсан хойгуур “Үнэн” сонин дээр цалинг нь авахаар очтол нягтлан нь “Энэ чинь харин бичиг баримт шаардахааргүй хүүхэд байна” гээд шууд л өгч билээ. Аав М.Горькийн нэрэмжит сургуульд сурч байх үедээ надад Москваг үзүүлж билээ. Москвад очоод цирк, амьтны хүрээлэн үзэж паркт тоглож, Москва голоор усан онгоцоор зугаалж, амталж үзээгүй жимс зайрмагаар дайлсан гээд хүүхэд насны минь мөн ч сайхан олон дурсамж бий дээ. Аав зусланд дандаа гадаа эвхдэг ороо засаад унтана. Ойд явах дуртай, говийн хүн байж жимс түүхдээ маш хурдан түүдэг байлаа. Шороотой гутал, хиртэй цамцанд үнэхээр дургүй. Дургүй нь хүрвэл духаараа хараад л суучихна, олон юм ярихгүй. Их уян зөөлөн сэтгэлтэй өндөр мэдрэмжтэй хүн байсан даа.

Л.Нарандулам ардын уран зохиолч Б.Баастын хамт

-Аав тань бага насныхаа тухай аль хэр их хуучилдаг хүн байв?

-Говийн жирийн малчин айлын хүү. Ижий ааваасаа наймуулаа. Дээрээ ганц эгчтэй, дороо зургаан дүүтэй байж. “Би аргалчин билээ” өгүүллэг бол ерөөсөө л аавын анхны намтар шүү дээ. Анх сургуульд орсон түүх нь тэр. Адуунд өшиглүүлээд мэдрэл нь муудсан гээд сургуульд явуулаагүй гэдэг. Сурагч болоод харин ч сурлага сайтай байсан гэсэн. Дээд ангийнхаа хүүхдийн тоог бодоод өгчихдөг, бие дааж орос хэл сонирхон сурсан гэж ярьдаг байж билээ. Наймдугаар ангид байхдаа Дорноговь аймгийнхаа “Ялалт” сонинд анх шүлгээ хэвлүүлж байсан байгаа юм. Бас хүүхэд байхдаа нойрондоо их босч зүүдэлдэг байж, тэгэхээр нь эмээ нь их л айж сандардаг байсан гэдэг. Эмээтэйгээ их дотно ойр байсан болов уу. Энэ тухай “Эмээгүй зуны эхэн” өгүүллэгт нь гардаг юм. Аливаа юмыг их л хөгжилтэй хөхиүн байдлаар ярина даа. Ер нь гуниг гутрал ярьж байсныг нь би санадаггүй юм.

-Уран бүтээлээ хэдийд голдуу хийхэв?

-Аав ажлаасаа ирээд хоолоо идчихээд өрөөндөө ороод ихэвчлэн унтаад өгнө. Ах эгчийн хүүхдүүд бага, манайхан олуулаа шуугиж өгнө шүү дээ. Тэр их шуугианд юм хийснээс унтсан нь дээр гэж боддог байсан шиг байгаа юм. Харин шөнө сууж ажлаа хийнэ. Сэрээд харахад аавын өрөөний гэрэл асаалттай, юмаа бичээд суугааг харахад сэтгэлд нэг тийм сайхан тайвшрал өгдөг байсан шиг санагддаг. Өнгөрсний нь дараа би яг тийм гэрлийг их үгүйлж шөнө их сэрдэг байж билээ.

-Та аавынхаа ер нь ямар зохиол бүтээлд нь их дуртай байв?

-Аавын хэдэн сайхан богино өгүүллэг үнэндээ тансаг. Олон сайхан зохиол бүтээлүүд байдаг л даа. Гэхдээ би аавын өгүүллэгүүд шиг тийм сайхан зүйрлэлтэй, жижигхэн атлаа томоос том зангилаатай өгүүллэг ховор уншсан. Уншсан ч яг л аавыг минь дуурайсан мэт санагддаг. Би уран зохиолыг мэргэжлийн түвшинд мэдэхгүй л дээ. Гэхдээ миний өссөн орчин надад жаахан мэдрэмж өгсөн байх. “Би аргалчин билээ” их хөөрхөн, мөн “Зүрхний зүүд”, “Эвэр” зэрэг өгүүллэгүүд хүнд их зүйл бодогдуулна. “Анхны хайрын дууль” киног нь үзэх дуртай, “Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй” гээд эхэлдэг “Хайрын зурвас”-ыг уншаад их л дурламтгай хүүхэд байж дээ гэж бодно. “Уулзалт” өгүүллэгийг гавьяат жүжигчин Гомбын Равдан ах шар үс бостол уншдаг нь энгийн хэрнээ маш сайхан. “Уулзалт”, “Дарцаг чамайг үүрд дурсана” гэдэг өгүүллэгүүдээр нь баяжуулж кино болгохсон гэж мөрөөддөг.

-“Толгодын цаана ингэ буйлна” гэж аавын чинь өгүүллэгийн нэр Монголын утга зохиол, яруу найргийнхны дуртай эшлэл болсон байдаг. “Атга чулуу”, “Алаг чулуу” номууд нь ч гайхалтай. Аавын чинь уран бүтээлийн өв аль хэр зүйл байна?

-“Толгодын цаана ингэ буйлна” гэдэг бяцхан шар ном бол тэртээ 1972 онд хэвлэгдэж Монголын их уран зохиолд Жагдалын Лхагваа гэдэг зохиолч байдгийг таниулсан ном юм. Нэр нь хүртэл уянгалаг содон байж дээ. Ямар сайндаа л “Жижигхэн уулын цаана эмэгтэй тэмээ орилно” гэж орчуулагдаж байна гэж хошигнож байх вэ. “Атга чулуу”, “Алаг чулуу”, “Дутуу хөрөг буюу зохиолчдын паян” гээд богинохон дурсамж, ухаарал, хошигнолууд нь одоо дурын сонин хэвлэл дээр, цахим ертөнцөөр дүүрэн, зохиогчийн нэр усгүй яваад байгаад маш их эмзэглэдэг. “Сарны шороо”, “Шөнө ногоо ургадаг”, “Саарал даага” гэх мэт арваад жижиг номыг нь нэгтгэж, мөн номонд хэвлэгдэж амжаагүй хэдэн өгүүллэгийг нь нэгтгэн хэвлэж байгаа. Орчуулгын нилээд ном материал байна. Монголын сэтгүүл зүйд оруулсан хувь нэмэр их. Найруулал, тэмдэглэл, ярилцлага, нийтлэл гээд овоо их юм байгаа .

-Аав, ээж хоёр чинь хэрхэн танилцаж байснаа үр хүүхдүүддээ мэдээж ярьж л байсан байж таараа даа…

-Аав 1966 онд Киевын Политехникийн дээд сургуулийг Дулааны инженер мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Дулааны цахилгаан станцад дулааны инженерээр хуваарилагдаж очиход ээж маань Сэлэнгэ аймгийн захиргаанд зааварлагч, мэргэжилтнээр ажиллаж байгаад танилцсан юм билээ. Аав маань ээжийг орос хүүхэн байна л гэж анх бодсон гэсэн. Ээж минь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн хүн. Сэлэнгэ аймагт гал голомтоо асааж 1970 онд хотод шилжиж ирцгээсэн юм.

-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Эцэг эхээс хэдүүлээ билээ?

-Би нэг ах, нэг эгчтэй айлын бага охин. Ах эгчээсээ нэлээд хол зайтай төрсөн хүн. Ах эгч хоёрынхоо хүүхдүүдийг харахдаа хараад тоглохдоо тоглоод зэрэгцээд өссөн. Аав ээж хоёр танилцахад ах долоон настай, эгч маань гурван настай байж. Би 1976 онд төрсөн л дөө.

-Их уулын нөмөр нөөлөгтэй тэр сайхан хүнээ буцах үед орчлон хорвоо ч хөмөрчих шиг л санагдах нь хэцүү. Найз нөхөд нь ямаршуухан хандаж байв. Догмид зохиолч л лав “Би Лхагваадаа Алтан-Өлгий дэх өөрийн газраа өгсөн” гэж ярих юм билээ?

-Аав сүүлийн үед их өндөр даралттай явдаг байлаа. Талбайн сааданд харвачихаад байхад нь төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав гуай таарч эмнэлэгт хүргэж өгсөн байдаг юм. Тэр үед бидэнд маш хүнд байсан. Ах эгч мэдээж тусдаа гараад явсан, ээж бид хоёр их л өнчирч хоцорч билээ. 1997 онд би СЭЗДС-ийн оюутан, ээж тэтгэвэрт, хөлөө явганаас гэмтээгээд суугаа болсон байсан даа. Аав уран бүтээл болон үндсэн ажил болох “Үнэн” сонины ажлынхаа хажуугаар хувийн “Мөрч” сонинг эрхлэн гаргадаг байлаа. Аавыг өнгөрсний дараа сэтгүүлч, зохиолч Гүрсэд гуайн тусламжаар нэг хэсэг сониноо эрхлэн гаргаж амьдарч үзсэн. Мэдээж өнөөх тасрахгүй орж гардаг хөл хөс эрс багассан, зарим нэг хүнийг ороод ирээсэй гэж ээж бид хоёр их л харсан даа. Алтан-Өлгий дэх газрыг Б.Догмид ах авч өгсөн нь үнэн байх аа, тийм яриа байдаг юм. Догмид ах аавын минь найз, нутгийнх нь дүү, уран бүтээлийнх нь анд юм. Догмид ах бол миний ухаан орох цагаас манайд байж л байдаг, ээжээр минь цамцаа угаалгаад, шараа тайлуулаад, бусдыг шоолж инээлгээд, халамцахаараа “Хөх торгон дээл”, “Гоолингоо”-гоо дуулаад, аавтай говио ярьж инээж уйлаад манайд л байдаг байсан даа.

-Монголын утга зохиолын “Дөмөн” нэгдлийнхэн гэж нэгэн гарын таван хуруу шиг нөхөд байсан гэдэг дээ. Бавуугийн Лхагвасүрэн, Д.Урианхай, Л.Дашням, Дарма.Батбаяр, танай аав тав байх аа?

-Энэ эрхэм буурлууд бол аавын минь уран бүтээлийн анд нөхөд, мөн гэр бүлийн халуун найз нөхөд байлаа. “Дөмөн” нэгдлийн талаар миний мэдэх юм гэж юу байх вэ. Гэхдээ ийм өөр өөрийн өнгө аястай, Монголын уран зохиолыг нэгэн үеийн өнгө төрхийг тодорхойлсон томоохон зохиолчид байсан гэхээр “Дөмөн” нэгдэл хэр их даацтай нэгдэл байсан нь тодорхой байх аа. Харин гэр бүлийн хүрээнд тэд байнга уулзалдаж, нэг нэгнийдээ ээлжлэн цуглаж уран бүтээлээ ярьж, маргаж мэтгэлцэж, уйлж дуулж нэг нэгэндээ дэм өгч байсан юм аа. Миний хүүхэд нас ийм гайхалтай хүмүүсийн хажууд өнгөрсөнд би бахархаж явдаг. Аав ээжүүд уулзалдаж хүүхдүүд бид наана нь тоглож байдаг сан. Б.Лхагвасүрэн ахын Хасар “Цаг хугацаа хурдан юм аа, Нараа минь. Одоо бид тэдний насан дээр оччихлоо” гэж билээ. Д.Урианхай ахтай бол байнга холбоотой байдаг юм. Учир нь манай худ, ахын хадам аав юм. Б.Лхагвасүрэн ах, Баасан эгч, Л.Дашням ах, Золзаяа эгч, Д.Батбаяр ах, Мөнхтөмөр эгч эд нартай холбоотой байж цагаан сараар очиж золгодог доо. Аав маань тэнгэрийн орныг зориод яг хорин жил өнгөрчээ. Аавд минь тэр үед ширхэг ч цагаан үс байгаагүй. Өөрийгөө ч, бид ч тийм амархан явчихна гэж зүүдлээ ч үгүй байсан даа. Энэ хэдийг харахаар аав минь байсан бол ийм нэгэн сайхан намбатай буурал болсон байх байж дээ гэж өөрийн эрхгүй боддог юм.


-Аав чинь уран бүтээлч найз нөхдийнхөө дунд хүний хайлан болсон хүн байсан гэдэг дээ?

-Аавыгаа дурсах бүрийд миний санаанд олон сайхан хүмүүс дурсагддаг юм. Бага байхад С.Дашдооров ах манайхаар байнга ирнэ. Намайг “Нарны дурмаа” гэж дууддаг байлаа. Хамгийн сүүлд 1997 оны өвөл аавтайгаа соёлын төв өргөөнд “Болор цом” үзэж яваад Дооров ахтай таарсан билээ. Бие нь бас нилээн ядруу байсан. Саяхан хүүтэй нь танилцахад Дооров ах тал цус харвасан бие нь тааруу байхдаа нэг өглөө сонин харж байгаад гэнэт маш муухай орилоод уйлсан гэнэ. Гэрийнхэн нь сандралдаад гүйж очиход сониноос аавын минь эмгэнэл гарсныг харсан байж. Энэ яриаг сонсоод би ч тэсэхгүй уйлж билээ. За тэгээд П.Бадарч гуай, Ц.Доржготов, И. Цэрэнжамц ах гээд л манайд орж гарах хүн их. Шил архи хувааж ууна гэдэг уран бүтээлч хүмүүст байдаг л юм. Эмэгтэй зохиолчдоос С.Оюун эгчийгээ дурсахгүй байх аргагүй ээ. Замын-Үүдэд ажлаар ирэхдээ намайг сурсаар яруу найрагч А.Эрдэнэ-Очирын хамт эргэж ирж билээ. Москвад амьдардаг яруу найрагч Ж.Оюунцэцэг эгч байна. Бас аавтай минь их л дотно байсан . “Үнэн” сонинд аав соёл урлаг хариуцсан редактор байсан тэр үед болж байгаа томхон тоглолт, концерт юу л байна би аавтай явж үздэг байлаа. Б.Лхагвасүрэн ахын “Нарны домог” бүжгэн жүжгийг хэд ч үзэв. Аав маань Л.Түдэв гуайг маш их хүндэлдэг, эмээдэг байсан санагддаг юм.

Д.Намсрай ах байна тэр хоёр М.Горькийн сургуульд байхдаа их л дотно болсон юм. Аавыг өнгөрсний хавар Д.Намсрай ах нилээн халамцуу талбайн урд талын сааданд байдаг том хонхны өмнө аавтай минь цуг авахуулсан зургаа хадчихсан уйлаад сууж байсан гэдгийн. Аав маань Б.Лхагвасүрэн ахын найз, бас Л.Саранхөхөө ахын ч найз байлаа. Энэ тухай Саранхөхөө ах хөгжилтэй юм их ярьдаг юм.

-Зохиолынх нь бүрэн түүврийг гаргаж байгаа гэл үү?

-Тийм ээ, энэ жил аавын минь мэндэлсэний 75 насны ой тохиож байгаа юм. Тэнгэрт халиад 20 жил болжээ. Тийм болохоор үр хүүхэд бидний хувьд заавал хийх ажил юм даа. Яруу найрагч А.Эрдэнэ-Очиртой хамт эмхэтгэн, редакторлож “Толгодын цаана ингэ буйлна” нэртэйгээр уран бүтээлийн нэг боть болгон хэвлүүлж байгаа. Удахгүй уншигчдын хүртээл болно. Мөн “Толгодын цаана ингэ буйлна”, “Яргуйн эрэлчин” нэртэй 22 өгүүллэг орсон хоёр цомог “сонсдог ном” бэлэн болж байгаа. Аавын маань зохиол бүтээлүүд уншигчдын дунд маш их хүлээлттэй байдаг юм байна гэж ойлгосон. Энэ хоёр цомогт нь сэтгэл маш өндөр байгаа. Өгүүлэхүйн урлагийн мастеруудтай зөвлөлдөж тэднээр уншуулж, мэргэжлийн студид бичүүлсэн. Одоо чинь ном бариад суух завтай хүмүүс бага болж. За тэгээд машиндаа ихэнх цагаа өнгөрөөж байгаа хүмүүст хань болох байх, их ухаарал өгөх байх гэж найдаж энэ сонсдог номуудыг хийсэн. Дараагийн ээлжинд хоёр дахь ботийг нь орчуулгуудаар нь хийх юм. Хосе Мартийн “Янагийн өвөр, хүүгийн өлгий”, “Японы яруу найраг”, Р.Фраерман “Зэрлэг нохой Динго” гэх мэт олон орчуулгын бүтээлээс нь дээжлэн гаргана. Аав маань орос, украйн, испани хэлнээс орчуулга хийдэг байлаа. Одоо санахад их л түүртэхгүй орчуулга хийдэг байжээ. Ямар сайндаа “Чишш чимээгүй, Лхагва ах чинь ажлаа хийж байна” гэхэд аавын дүүгийн хүүхэд “Ажил гэнэ шүү, зүгээр л орос ном хуулаад сууж байна шүү дээ” гэж билээ. Гурав дахь ботийг сэтгүүлзүйн чиглэлийн бүтээлүүдээр нь хийнэ. Үүнд харин ажил их орох шинжтэй. Бид архив шүүж байгаа. Ганц хоёр жилийн өмнөх зүйл биш, хорь гучин жилийн өмнөх юмыг шүүнэ гэдэг амаргүй байдаг юм байна. Олон сайхан нийтлэл, ярилцлага байдаг.

Дөрөв дэх ботийг дурсамж дурдатгалаар бүтээнэ. Аавын минь тухай ямар олон хүн дурсаж бичдэг юм бэ. Миний хараагүй, уншаагүй олон дурсамж байдаг шиг байгаа юм. Тэр бүгдийг олж нэг ном болгоно. Энэ завшааныг ашиглаж аавтай минь холбоотой захидал, дурсамж, зураг хөрөг байдаг бол надтай холбогдож өгөөрэй гэж найз нөхөд, сайн санаат хүмүүст дуулгая. Би дуртайяа хүлээн авч номонд оруулна аа.

-Номын баярыг хэзээ, хаана хийх гэж байна?

-Гуравдугаар сарын 18-нд аавын төрсөн өдөр байдаг юм. 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Мөнх гэдэг газар мэндэлсэн гэдэг. Номын баяраа гуравдугаар сарын 18-ны үед Монгол Улсын Үндэсний номын санд хийх бодолтой байна даа.

-Та одоо хаана аж төрж байна?

-Би одоогоор Дархан дахь Гаалийн газар гаалийн улсын байцаагч хийдэг. Дарханд ирээд хоёр жил гаруй болжээ. Нөхөр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр бага маань Дарханд сургууль, цэцэрлэгт явдаг. Том охин энэ жил оюутан болох юм. Нөхрийн минь өвөө ардын уран зохиолч Бөхийн Бааст юм. Цагаан сараар зуу насалж байгаа өвөөдөө очиж золгоно доо, бид.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлийн гэрэлт найрагчдадаа!

Яруу найраг зурган илэрцүүд

Үгийн урлаг, яруу найраг гэдэг хүний ертөнцийн нэгэн гайхамшиг билээ. Тиймээс ч дорно дахинд яруу найргийг зохист аялгуу хэмээн нэрийдсэн биз ээ. Уншигчдын мэлмийг баясгаж, сонсогчдын сонорыг мялаасан сэтгэлийн гэрэлт найрагчдадаа “Эрээнцавын эвдрээгүй найрагч” Данзангийн Нямсүрэнгийн “Амитаба” хэмээх алдарт шүлгийн аясаар ийм нэгэн бичвэрийг зориулсан билээ л.

Яаж би Бавуудорж шиг “Алтанхан заадалтай хүний орчлон”-д гурван зуун ясны заадлаа задартал “Хүрэл чоно” мэт ульж сурах вэ?

Яаж би Арлааны Эрдэнэ-Очир шиг эхнэрээсээ нууцхан “Эрх сэтгэл”-ээ аргадаж “Голын тохой дээр” Гантиг-Эхийг уяран мөрөөдөж “Сүүн-дуун зам” ихэрлүүлэх вэ?

Яаж би Норовын Гантулга шиг Улаанбаатарт байгаа атлаа Улаан хадандаа очтол “Уулсын мэтгэлгээний сэлэлт”-ээр голын цаанаас голын наана гартал голынхоо дуугаар “Дружба” хөрөө ажиллуулах вэ?

Яаж би Шар Мяагаа шиг “Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг” индиан жийнс өмсчихөөд Америк гүрнийг үзэн ядаж сурах вэ?

Яаж би Төрийн Баянсан шиг “Гурван Тэсийн уянга”-ыг баяд хэлнээс орчуулж “Хожмын лаатай уншигдах шүлгүүд”-ийн гэгээнд Бурхан багшид биш Хишгээ багшид л хайртай байхын утга, учрыг олж нээх вэ?

Яаж би Лхамсүрэнжавын Ганзул шиг “Жиндээх салхигүй хорвоо”-д “Хаан зүгийн хүн” адил нэг их гүрнийг дэрлэж, нөгөө их гүрнийг нь моодойтол жийж “томрох” вэ?

Яаж би Ламын гэгээний Доржсэмбэ шиг “Харсан тэнгэр”-тэй атлаа “Хэнд би таалагдах ёстой вэ” гэж энүүхэндээ агсамнан “Хэд дэх бороо”-г тоолж гэгээхэн уйтгарлах вэ?

Яаж таануус энэ мэт нэгэн элэглэлийг хэрхэн бичихийг яруу найргийн бурхан хийгээд дагинасмаа нарын ариун ивгээлээр зохист аялгуулж зохиомжлон үргэлжлүүлэх вэ?


Categories
мэдээ цаг-үе

Гончигийн Тэрбиш: Увсынхан надад хайртай байдаг юм

Г.Тэрбиш зурган илэрцүүд

Монгол Улсын гавьяат жүжигчин, найраг баянхуурч, хөгжмийн зохиолч Г.Тэрбиштэй уулзаж хөөрөлдлөө.


-Уулзсан хүмүүс нэг л цөвүүн цагт арга ядан аж төрж буй юм шиг их эвэр хошуулцгаах юм. Та сайхан өвөлжөөд байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Он сайхан гарлаа. Би ард түмний хайрыг нөмөрч, хайранд хучигдаж амьдарч байна. Манай Бавуугийн Лхагвасүрэн “Ээжийн цагаан сүү нөмөрч өссөөн” гэдэг шиг жаргаж л явна. Энэ оны босгон дээр олон сайхан найрагчтай ойртож танилцлаа. Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, их эрдэмтэн Б.Ринчений шавь Т.Галсан ахтай өнгөрөгч намар төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа багшийн ойгоор Баянхонгор явахдаа бүүр сайхан дотнослоо.

-Та хоёр чинь өмнө нь хамтарч уран бүтээл хийх ч юм уу, хундага дарсны ард хамт сууж байгаагүй хоёр уу?

-Тэнгэр бид хоёрыг тэгж учруулаагүй байхгүй юу. Би Улаанбаатар хотод долоодугаар ангийн хүүхэд байхдаа орж ирэхдээ Галсан найрагчийг “Төрд тэрсэлсэн, Баянхонгорт тэмээчнээр цөлөгдсөн хүн юм гэнэ ээ. Их сургуулийнхаа ромбыг малгай дээрээ зүүчихээд “Би энэ сүйхэлжинг зүрхээрээ аваагүй тархиараа авсан юм” гэж хэлдэг ёж үгсийг нь мэддэг байснаас Галсан гуайг алиа шогч, ардын ерөөлч хүн байна даа гэж боддог байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадашийн цолны мялаалгын найран дээр бид хоёр “километр” зайтай суусан юм. Нацагийн Жанцанноров багшийн ардын жүжигчний найран дээр бас л ойрхон сууж чадаагүй. “Өрөөсөн жигүүртэй шувуу” гэж дууны шүлгийн номоо нэгэнтээ өгснийг нь Шувуун фабрикийн уран бүтээлийн гэртээ орхичихсон. Харин намар хамт явахдаа гайхамшигтай соён гэгээрүүлэгч хүн гэдгийг нь мэдэрсэн. Тэгээд Галсан гуайд хамтарч дуу зохиоё гэсэн санал тавьсан юм.

-Өвгөн найрагч тэгсэн юу гэж байх юм бэ?

-Мөрдорж багш ардын богино дууг завхай дуу гэдэг байсан юм. Тиймээс би Галсан гуайд “Та надад завхай дууны шүлэг зохиогоод өг. Хошин дуу байвал бүүр сайн” гэлээ. Тэгсэн саяхан утасдтал “Хүрээд ир” гэж байна. Очтол “Тэмээчний омогшил” гэж их сайхан дууны найраг өглөө. Би гэртээ ирүүт аялгуу хийсэн. Баянхонгорын уугуул хүү, алдарт гарч яваа дуучин Баярмагнайгаар дуулуулах гээд байж байна.


-Та сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Би соёлын гавьяат зүтгэлтэн, хошин шогийн нэрт мастер И.Цэрэнжамц ахтай “Учиртай дөрвөлжин” гэж мюзикл дуурь хийж байгаа юм. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавих гэж байтал соёлын тэргүүний ажилтан, дуучин Нарантуяагийн Гантулгыг маань даргынх нь ажлаас өөрчилчихлөө. Уг нь овоо л ажиллаж байсан юм.

-Та чинь тэтгэвэртээ суугаагүй хэрэг үү. Одоо хүртэл Цэргийн дуу, бүжгийн чуулгадаа ажилласаар байгаа юм уу?

-Чөлөөт уран бүтээлч болсон ч аккордианаа мөрнөөсөө тайлаагүй хэвээр, хөгжмөө туурвисаар явна. Гавьяаныхаа амралтанд гарсан ч гэсэн гандан буурахгүй л явна.

-Та ч урын сандаа овоо олон дуутай даа?

-Дан хөгжмийн бүтээл, найрал дуу, нийтийн болон мэргэжлийн дууны 450-иадхан бүтээл байна.

-Олонд танигдсан бүтээлүүд тань ч үнэхээр сайхан шүү?

-“Сайн байна уу, ээж ээ”, “Эрээн нуур”, “Наадмын морьдын тоос”, “Наран тотгот наадам”, “Увс нуур”, “Ганга нуур”, “Найман нуур”, Г.Жанчив агсны дуулсан “Дэлгэр мөрөн”, гавьяат жүжигчин Г.Батбаярын дуулсан “Галшарын унага”, дуурийн алдарт дуучин П.Ганбат агсан эхэлж дуулаад сүүлд нь ардын жүжигчин А.Дашпэлжээгийн дуулсан “Тольтой мөнгөн эмээл” гээд лус савдгийг баярлуулсан нэлээд олон дуу бий. Би уран бүтээл хийхдээ тооны төлөө хөөцөлдөөгүй. Хэдхээн дуу зохиогоод ард түмнээ, байгаль хангайгаа баярлуулъя гэж анх бодсон. Сүүлд бүртгээд үзтэл өдий тооны юм болж. Хаяж гээгдсэн ч байгаа л байх. Энэ дуунуудын ихэнх нь дуулах эзнээ хүлээж байгаа. СУИС болон бусад урлагийн сургуулиудаас олон дуучин төгсөж байна л даа. Гэхдээ л надад дуулагдаагүй дуу их байгаа.

-Эзнээ олоогүй хэд орчим дуу байх юм?

-Дуулагдсан зуу орчим дуу байгаа болов уу. Радиогийн алтан санд бараг зуугаад дуу байгаа байх. Дуунаас гадна тайзны бүжгийн хөгжим, олуулаа бүжгийн аяз нэлээд бий. Тухайлбал, ансамблийн “Морьт цэргийн бүжиг”, “Тангаргийн баяр”, “Уран хээ” гээд гавьяат Ламжав гуайн дэглэсэн бүжгийн хөгжмүүд өнөөдөр хүртэл тоглогдсоор байгаа. Мэргэжлийн марш, цэргийн дуунууд ч ЦДБЭЧ-ын урын санд их байгаа. За, дөрөв таван симфони байна. Гар хуруу загатнасандаа би энэ олон бүтээлийг туурвиагүй. Төр нийгмийн захиалгаар бүтээсэн л гэж боддог. Эцэг, эхээс төрөхөд л ийм сайхан үйлийн үртэй байсан юм байлгүй.

-Уран бүтээл туурвихыг зохиолч В.Инжанаши “Тамын жаргал” гэсэн маягтай бичсэн байдаг даа?

-Тэгж хэлж болно. Би бясалгал хийдэг хүний хувьд муу юм яримааргүй байна. Гэхдээ наад үг чинь үнэн шүү. Бид өөрсдөө л тархиа зовоож байж оюунаа шавхаж бүтээж байгаа учраас ард түмэн хүлээж авч байгаа. Тэгээгүй, зүгээр л нэг “Эрээн нуур”, “Дэлгэр мөрөн” гээд шүлстээд хаячихсан ая байсан бол яалаа гэж энэ дуунуудыг говь-алтайнхан, хөвсгөлийнхөн амны уншлага болтол дуулах вэ дээ. Хэрвээ нэг халтуурны аятай байсан бол “Увс нуур” дуу яалаа гэж увсынхны сүлд дуу болов гэж.

-Увсынхан ч нутгийнх нь бөх түрүүлэнгүүт “Увс нуур”-ыг дуулаад л Төв цэнгэлдэхийг долгисуулаад хаячихдаг юм билээ?

-Харин тэгдэг юм байна лээ.

-Сүлд дууг нь зохиож өгсөн гээд увсынхан танд шагнал урамшуулал өгсөн тохиолдол байна уу?

-Увс аймгийнхан надад их хайртай байдаг юм. Увс аймгийн ерэн жилийн ой болоход урьсан. “Тэр далай их наадамд хутгалдаж очоод намайг тоох хүн байгаа ч уу” гэж бодоод очоогүй. 2005 онд Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Увс нуур” дууг сүлд дуугаа болгож баталсан юм байна. Тэгсэн цахим ертөнцөд “Гавьяат жүжигчин Г.Тэрбиш “Увс нуур” дууг зохиож өгсөнд увсынхан талархаж америк жийп бэлэглэв” гэж тавьсан байна лээ. Хэзээ нэг цагт надад тийм сайхан унаа өгөх юм байна гэж би хувьдаа баярлаад байгаа. Тэр машинаа унаад би хаа хүрнэ гэж бодож байна.

-Хаа хүрнэ гэж?

-Говь-Алтайгаа нэг орно. Сайхан шүү дээ.

-Та ч тэгвэл бүтээлээрээ мундаг “баяжаа” л байгаа хөгжмийн зохиолч байна даа?

-Өө, би баян. Хорин нэгэн аймагт зөндөө малтай. Адуу мал сүргээрээ л байгаа. Бөхчүүд бол нэхэл хатуутай учраас хүн мал бэлэглүүт л маргааш нь очоод тамгалж тэмдэглээд авчихдаг юм. Айлын хүргэнийг “Цэргийн шалдан банди” гэж ярьж байдаг даа. Би тэрэн шиг л цэргийн шалдан банди юм чинь Увсаас, Өмнөговиос, Дундговиос яаж малаа цуглуулж чадахав. (инээв) Манай Говь-Алтайн Жаргалан сум хүртэл “Эрээн нуур”-ын хорин таван жилийн ойгоор таван хошуу мал өгсөн. Би одоо хүртэл нэхэж авч чадаагүй л явна. Тэр малчныхаа ч хөлс цалинг өгч амжаагүй л байгаа.

-Өвлийн идшээр харин ч нэг айдаггүй юм биш үү, та?

-Тэр олон малчдынхаараа очдоггүй, эргэж уулзахгүй болохоор хаа, ямар мал байгааг ч мэддэггүй. Итгэлт баян байсан бол ч “Дотроо дугуйтай нь хээлтэй мал” гээд л нэг бүрчлэн данслаад авах байх л даа. Малчдынхаараа ч бууж амжихгүй. Хаа нэгтээ очингуутаа тоглочихоод, ансамблийн муу автобусандаа суугаад буцчихаж байгаа юм чинь. Малын эзэн тааралдвал гэргийнхээ өгсөн боодолтой бэлгийг гардуулж “Таван хошуу мал маань өсөх болтугай” гэж ерөөхөө бас мартахгүй ээ. Энэ гоё шүү. Дорнодын Хөлөнбуйрт ч илүү нугаламтай хонин сүрэг надад байж л байна. Гавьяат жүжигчин Гончигийн Жанчив шүлгийг нь бичсэн “Хөлөнбуйр нутаг” гэж сайхан дууны минь буян тэр.

-Яг одоо ямар уран бүтээл туурвиж байна?

-Оны зааг дээр “Сүлд” телевизийн “Эрдэнийн эрхи” нэвтрүүлэгт гурван ч найрагч бүсгүйтэй хамт оролцсон юм. “АПИ-МОН” амьд зөгийн эмнэлгийн захирал, яруу найрагч Жалбуугийн Ганчимэг “Арван хоёулаа билээ, бид” шүлгээ уншсан. Би тоо орсон шүлэг дуу болдоггүй гэж бодож явдаг байлаа. Тэгсэн тэр шүлэг аялгуу дагуулж бичигдсэн шүлэг байх юм. “Тэнгэрийн шившлэг” номыг нь харж байгаад эл шүлгээр дуу хийлээ. Тэр бол бадагт хэлбэрийн биш дууль дуу болсон. Өмнөд Монголын дуучин Тэнгэр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Би хамгийн анх “Сайн байна уу, ээж ээ” хэмээх монгол дууг дуулж сурсан” гэхэд би их баярласан. Ээжийгээ мэнд сэрүүн байхад 1968 онд Барилгын хоёрдугаар батольоны барилгачин, байлдагч түрүүч байхдаа би энэ дуугаа зохиож байсан юм. Ж.Ганчимэгийн “Тэнгэр” гэж их сайхан шүлэг байна аа.

“Сартайхан байлаа ч

Салхитайхан байлаа ч

Хөх тэнгэр та

Эзэн заяаны ээлтэй бурхан

Ээжийн адилаар биднийг ивээдэг ээ

Энэрэлт тэнгэр ээ” гэсэн шүлэгт аялгуу зохиож Тэнгэр хэмээх тэр том дуучнаар дуулуулъя гэж бодлоо.

-Найраг баянхуур үнэхээр эгшиглэнтэй хөгжим шүү. Та хөгжим гэдэг жинхэнэ утгаар нь амилуулдаг болохоор ч тэгж санагддаг байж магадгүй. Хэдэн насандаа анх дарж сурав. Таны залгамж болсон пиано аккордианч төрөх нь үү?

-Шатрын агуу их мастер Фишер “Танаас илүү шатарчин байна уу” гэхэд “Одоохондоо би л байна даа” гэсэн гэдэг. Мухамед Али бас тэгсэн гэдэг шиг одоохондоо би л Монголдоо энэ хөгжмөөр дагнан тоглож байна даа. Энэ хөгжмийг чинь уг нь “Тэврээд явдаг төгөлдөр хуур” гэж дэлхий даяар үнэлдэг юм шүү дээ. Төгөлдөр хуурыг бол тийм ч амар хөдөө гадаа аваад явчихгүй еэ дээ. Тэгэхэд найраг баянхуур авсаархан, хамгийн гол нь төгөлдөр хуурын тоглох бүх аялгууг гаргадаг. Оросын яруу найрагч Евгений Евтушенко Монголд айлчлаад буцахдаа Бал даргад “Танайх говьтой, хангайтай үнэхээр сайхан орон юм. Даанч авьяастныг бордох газар л байхгүй юм” гэсэн гэдэг шиг найраг баянхуурын нэг ангийг урлагийн сургуулиуддаа байгуулчихвал Монгол Улсад их л хэрэгтэй байсан юм. Тэгэхэд өнөөдөр морин хуурын төчнөөн анги, төгөлдөр хуурын зөндөө анги байдаг. Төгсөгчид очоод хөгжимдье гэсэн ч дуугарахгүй, хөггүй хэдэн эвдэрхий төгөлдөр хуураас өөр юм театр, чуулгуудад нь байдаггүй. Энэ их харамсалтай хэрэг шүү. Монголд сонсголоороо болон ноот хараад тоглочихдог мэргэжлийн шахуу баянхуурч, аккордианч олон бий. Миний хувьд таван настайгаасаа аман хуур тоглож сурсан юм. Аймгаас нутаг заагдсан тэнсэн ялтай Дашпунцаг гэдэг хүн манай Жаргаланд шохой шатаах ажил эрхэлдэг байсан. Тэр Дашпунцаг гуай охиндоо, надад, манай эгчид нэг нэг аман хуур авчирч бэлэглэсэн юм.

-Өө бас сонин л тохиол юм даа?

-Миний бага эгч Цагаач гэж хөдөлмөрийн баатрын болзлыг хоёр гурван ч удаа хангасан шувуучин хүн байлаа. Тэр үед бид гурав аман хуур гэж гайхамшигтай дуу ордог хөгжим гэдгийг огт мэдэхгүй худлаа л шүгэлдүүлж үлээгээд л орилуулж явдаг байлаа. Миний ууган ах Содномцэрэн гэж Завхан аймагт сургууль төгссөн мундаг нягтлан бодогч хүн байлаа. Энэ өндөр ахыг аав Завханы Цагаанчулуутаас адуу малын өр нэхээд ир гэсэн чинь авлаганд пягтруул гэдэг юм аваад ирдэг байгаа. Цагаанчулуут чинь Цэрэнпунцаг гарьд, агуу дуучин Адарсүрэн аваргуудын нутаг шүү дээ. Пягтруулыг Жамцын Бадраа багш эгшигт хайрцаг гэж мөн гоё нэрлэсэн юм шүү. Нөгөө эгшигт хайрцгаар чинь “Учиртай гурван толгой” дуурь, Оросын мундаг симфони оркестр сонссоор байгаад урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. Тэр үед манай сумын кино механикч байсан Чойдог ах манай Завхан гол багт ирж кино гаргахдаа миний аман хууранд “Хүмүүн төрөлхтөн”-ий аяыг тоглолоо. Энэ Чойдог ах ноот мэдэхгүй мөртлөө хөгжмийн мундаг сонсголтой хүн байсан. Хожим “Алтай” чуулгын хөгжмийн найруулжуулгыг хийдэг хөгжмийн зохиолч хүн байсан. Тэгж л хөдөөгийн эгэл жирийн хүү би анх аман хуурыг дуу оруулж болдог гайхамшигтай амьтай хөгжим юм байна гэдгийг мэдэрсэн дээ. Жаргалантын Нурамтын овоог тахих наадамд Батсуурь ах түрүүлж, би их баярлан хадны цуурайтай нийлүүлэн аман хуураа үлээж байсан минь одоо бодоход анхны хөгжмийн бүтээл маань байж. Хожим би ахдаа зориулж “Аварга Батсуурь” гэдэг дуу хүртэл зохиосон.

-Монгол Улсын аварга Шаравын Батсуурь таны хамаатан юм уу?

-Тэр том бөх чинь миний нагац ах л даа. Бид хоёр чинь эгч дүүсийн хүүхдүүд байхгүй юу. Тиймээс миний гар чинь ийм том байгаа юм. Даанч би мэх сураагүй. Нохой мордох ганцхан мэхтэй. Тэр мэхээрээ ансамблийн хэд хэдэн нөхөртэй мөрий тавьж давж л байлаа. Аман хуур сурсны дараа сургуульд орсон хойно аав Шуя хотод үйлдвэрлэсэн гармони хөгжим авч өгсөн. Аав, Чойдог ах, Говь-Алтайг эрүүлжүүлсэн эмч Галсангийн Миеэжав гэж Монгол Улсын циркийн нэгдүгээр зэргийн калернитчин нар миний анхны багш нар болсон доо.

-Мундгуудаас хэн таны багш байв?

-Самбын Гончигсумлаа багш байна. Ерээд онд картын барааны үеэр багш гэртээ их урина. Очихоор ганц юм задална. Тэгтлээ нэг их уугаад байдаггүй хүн шүү дээ. Хамгийн гол нь уухаасаа илүү ярьж сууж юмаа үлдээх ухаан нь байхгүй юу. Тэрбиш гэдэг хүүд өөрийнхөө явсан зам мөрийг, өөрийнхөө багш, алдарт хөгжимчин Түдэв гүнийг ярьж үлдээх гэж дуудаж, дөрөвдүгээр дэлгүүр рүү хамт алхаж, картын бараанд дугаарлаж зогсдог байсан юм билээ. “Түдэв багш хуучраар гайхамшигтай тоглодог учраас Богд хаанаас гүн цолоор шагнагдсан юм билээ” гэдгийг ойлгуулах гэж дууддаг байж. Гончигсумлаа, Бирваа, Хаянхярваа нарын Монголын хөгжмийн бурхадтай хөдөө гадаа хамт явж, ойр дотно явахдаа “Энэ чинь зүүд үү, юу вэ” гэж өөрийгөө чимхэж үзэх нь халаг хувь заяагаараа бахархдаг байсан даа.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баатархүү: Ойн урианхайчууд охиноо “Чамайг хоньчин хүний эхнэр болгоно шүү” гэхэд амиа хорлодог байжээ

СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор Бат-Өлзийн Баатархүүтэй уулзаж хөөрөлдлөө.


-Тагнын Тува, Алтайн Урианхай гээд яриад байдаг. Тувачууд гэж ер нь монгол угсааны үндэстэн байна уу, түрэг гаралтай хүмүүс үү?
-Монгол угсаатныг бүрдүүлж буй олон угсаатны нэг нь түрэг хэлт Алтайн тувачууд юм. Эдүгээ тувачууд хэмээх ард түмэн түүхэн хувь заяаны эрхээр Монгол Улс болон ОХУ, БНХАУ гэсэн гурван улсад харьяалагдаж байна. Өнөө бид тува гэж нэрлэх болсон эл ард түмнийг Манжийн эрхшээлийн үед Урианхай гэдэг байсан. Урианхай гэдэг нэрийн дор Тагнын урианхай, Алтайн урианхай, Алтан нуурын урианхай, Хөвсгөлийн урианхай, Хөвсгөлийн урианхай нь гэхэд Ариг урианхай, Үүрийн урианхай, Якут руу болохоор Саха урианхай гээд олон урианхайд хуваагддаг байсан. Урианхай нэрийг зүүсэн ард түмэн өргөн хүрээтэй аж төрж байж. Энэ урианхайд бол нэг угсаатан биш, дотроо монгол, түрэг гарлын хоёр удам угсаатай улс. Одоогийн Тува гэгдэх угсаатныг Тагнын урианхай, Алтайн урианхай гэдэг. Тагнын урианхай бол одоогийн ОХУ-ын Тува, Алтайн урианхайн долоон хошууны гурав нь тува урианхай хошуу, дөрвөн монгол урианхай хошуунаас бүрдэж байж. Алтайн урианхайг дан монгол урианхай байсан гэж ойлгож болохгүй. Албан ёсны нэршил нь урианхай юм. Алтайн урианхай нь Алтайн нурууг хөндлөн гулд сундалдан нутаглаж байгаад өнөөгийн манай улсын хил тогтоход Алтайн урианхайн тэн хагас нь газар нутагтайгаа хилийн цаана үлдсэн. БНХАУ-ын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ил хасагийн өөртөө засах зуугийн Алтай аймгийн Хава сиян, Бууржин сиян, Алтай хот, Буурал тохой сиянд харьяалагдан аж төрж байна.
-Манай улсын тувачууд одоо аль аймаг сумдад голчлон аж төрж байгаа бол?
-Тувачууд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд бөөнөөрөө, Ховд аймгийн Буянт сум, Төв аймгийн Заамар сум, Дарханы Орхон, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Улаанбаатар хотод хэсэг бүлгээрээ тархан суурьшиж байна. Тагнын урианхай, Алтайн урианхай гэж хоёр том хэсэгт яагаад хуваагдах болов гэдэг дээр судлаачид янз бүрийн байр суурьтай байдаг. Манай чиглэлийн эрдэмтэд Манжийн эрхшээлд орохоос өмнө Тагнаас нэг хэсэг иргэнийг Алтайд суулгасан гэж үздэг. Орос, Тувагийн эрдэмтэд болохоор Енисейн эхнээс Ховд гол хүртэлх өргөн уудам нутагт тувачууд оршин амьдарч байсны дундуур дөрвөдүүдийг нутаглуулснаар хоёр хуваагдсан гэх хандлагатай байдаг. Миний хувьд “Монгол Улсын тувачууд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Монгол дахь тувачуудын дунд зургаан жилийн турш 120 хоног угсаатны судалгаа хийсэн юм. Үүндээ Тагнын тувагаас Алтайн тувачууд салсан явдлыг арай өөр өнцгөөс тайлбарласан.

Чингэс хаан урианхай нарт сумтай нуман тамгыг адуундаа дарж хэрэглэхийг зарлигаар олгосон аж
-Тува урианхайн тухай мэдээ занги хэдийнээс түүхэнд бичигдэж дурдагдаж ирсэн байдаг бол?

-Тувачууд бол “Сүй улсын судар”, “Тан улсын хуучин судар”-т Тэлэгийн нэгэн аймаг хэмээн тэмдэглэсэн Дубо аймгийнхны үр хойчис юм. Энэ талаар Карл Х.Менгес хэмээх эрдэмтэн “Тэд Енисейн эхээр, орчин үеийн Тагна-Тува, хуучнаар Тагнын Урианхайд нутаглаж байсан. Тангийн өмнөх үеийн сурвалжид тэднийг Дубо, Туба хэмээн нэрлэж байв” гэсэн байдаг. Мөн Оросын эрдэмтэн В.Радлов “Энэ ард түмний ерөнхий нэр нь тува бөгөөд Сибирийн хил, Ховдын эх орчмоос Хэмчиг хүртэл, Улуг-Хэм буюу Енисей мөрний саваас Хөвсгөл нутагт амьдарч байгаа, нутаг дэвсгэр нь уулархаг, өөрсдөө түрэг хэлтэй мөртлөө хөрш монголчуудын соёлын нөлөө тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж болно” гэж үзсэн. “Сүй шу”, “Тан улсын хуучин судар”, “Танхуйяо” зэрэг сурвалжаас үзвэл VI-VII зуунд Тэлэгийн 29 аймгийн бүрэлдэхүүнд туба аймаг багтаж байж. Түүхэнд дубо, тубо, тупо гэхчлэн тэмдэглэгдсэн байдаг.
-Тэр хуучны судар номуудад тувачуудын тухай юу гэж дурдсан байх юм?
-Сурвалжид дубо аймгийн талаар “Дубо аймгийн нутаг хойд талаараа жижиг тэнгист, баруун талаараа хакастай, өмнө талдаа уйгартай зах нийлнэ. Гурван аймагт хуваагддаг. Тус бүртээ ахлагчтай. Тэд цаг тоолол мэдэхгүй. Өвсөн эмбүүлд сууна. Адуу малгүй. Газар тариалан эрхэлдэггүй. Маш их сараана бий, түүний үндсийг малтан цуглуулж агшаамал бэлдэнэ. Загасчилж, шувуучилж, ан агнаж хүнсэндээ хэрэглэнэ. Булган эмжээртэй бугын арьсан дээлтэй. Харин ядуу нь шувууны өдөөр хувцас хийдэг. Хуримын сүйд баячууд адуу, харин ядуу нь бугын арьс, сараанын үндэс авчирч өгдөг. Нас барагсдыг авсанд хийж ууланд тавих юм уу, шарилыг модноос дүүжилж орхино. Эцсийн замд нь үдэхдээ дулга нар шиг уйлна” гэж тэмдэглэсэн байдаг.
-Дулга гэдэг нь ямар үндэстнийг хэлж байна?
-Түрэг гэсэн үг л дээ. Эндээс Дубо аймгийнхны баян, ядуу, орон байр, хоол унд, бэлэг сэлт гээд нийгмийн байдлыг тодорхой мэдэж болохоор байна.
-Цаачин иргэд үхэгсдээ тэгж оршуулдаг зан үйлтэй байсан биз дээ. “Содура” кинонд ч тэгж гарч байдаг?
-Цаатан, Тож нарын дотор саяхныг хүртэл үхэгсдийг авсанд хийж модонд өлгөх буюу ууланд тавьдаг ёс байж. Түүнээс гадна Дубо аймагт олон сайхан морьтой байсан нь мал аж ахуй эрхэлдэг байсныг нотолж байгаа юм.
-Эртний хятад сурвалжаас өөр ямар түүх сударт тувачуудын тухай өгүүлсэн байдаг бол?
-Зүүн Соён, Тагнын тайгад амьдарч байсан ойн урианхайн тухай Рашид-Ад-Диний “Судрын чуулган”-д “Эд нар ой тайгад амьдарч байснаар ийнхүү нэрлэгдэж, гэр орон гэж мэддэггүй, амьтны арьсан дээлтэй, хонь ба үхрийн оронд уулын үхэр өсгөж, сүүг нь ууж, махыг нь идэж ашиглана. Хонь хариулахыг тэд гутамшигт хэрэгт тооцно. Тэр ч байтугай эцэг, эх нь охиноо загнахдаа “Чамайг хонь хариулдаг хүний эхнэр болгож өгнө” гэхэд охин нь гоморхон гашуудахдаа өөрийгөө боомилон үхдэг ч байжээ. Уулын үхэрт нуруу ачин нүүж, буусан газартаа модны холтсоор орон барьж, үүгээр хэрэгцээ нь хангагдана. Тэд нар ийм амьдралаас сайхан амьдрал хаа ч байхгүй гэж үздэг” гэж бичсэн байдаг. Ойн урианханы аж ахуй, хэв заншлын тухай эл тодорхойлолт манай улсын цаатан иргэдийн дотор, Тувагийн Тож хошууныханд саяхныг хүртэл уламжлагдаж байсан.
-“Монголын нууц товчоо”-нд “Зүчи, Сүбээдэй баруун этгээдийг дайлаар мордож ойн иргэдийг хураан авчрав” гэж гардаг. Тэр ойн иргэд тува, урианхай нар мөн үү?
-“Монголын нууц товчоо”-нд гардаг “Тубас” хэмээх нэр нь даруй Тува хэмээх нэр мөн хэмээн судлаачид санал нэгтэй тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, С.Козин “Тубас гэдгийн с нь монгол хэлний олон тооны дагавар ба туба гэдэг нь Саян Алтайн ойн иргэдийг нэрлэсэн нэр. Монголын захиргаанд 1207 онд орсон” хэмээн үзсэн. Монголын түүхийн хосгүй чухал сурвалж болох “Монголын нууц товчоо”-ны 239 дүгээр зүйлд “Туулай жил Зүчийг баруун гарын цэргүүдээр ойн иргэнд морилуулав. Буха газарчилж одов. Ойрадын Хутуга бэхи түмэн ойрадын урьд элсэн орж ирэв. Ирж Зүчийг удирдаж, түмэн ойраддаа газарчилж Сигсид (Шигшид)-эд оруулаад түмэн Хиргисүүдэд хүрвээс хиргисүүдийн ноён Иэди Инал, Алдийэр Өрэ бэг тигин хиргисүүдийн ноёд элсэн орж цагаанууд шонход, цагаанууд агтас, харнууд булгад аваад ирж Зүчид уулзав. Шибир Хэсэдийэн, Баяд, Тухас, Тэнлиг, Төгэлэс, Тас, Бажигидаас нааш ойн иргэдийг Зүчи оруулж, Хиргисүүдийн түмэдийн мянгадын ноёдыг ойн иргэдийн ноёдыг аваад ирж Чингис хаанд цагаанууд шонходоор, цагаанууд агтасаар, харнууд булгадаар уулзуулав…” хэмээн өгүүлсэн байдаг. Эрдэмтэн Б.Р.Зориктуев 1207 оны үйл явдлыг тусгайлан судалсны эцэст “Монголчуудын довтолгоон чухамхүү Енисейг чиглэж, тэд Соён-Алтайн ард түмнүүдийг өөртөө нэгтгэхийг зорьсон. Энэ нь тэдний монгол нутгийн чинадад хийсэн анхны аян дайн байсан хэмээн эдүгээ баттай хэлж байна” гэсэн байдаг.
Алтайн тувачууд. 1938 он. Гэрэл зургийг М.Гомбожав
-Манай угсаатны зүй, түүхийн чиглэлийн нэртэй эрдэмтэд урианхай нарыг юу гэсэн байх юм?
-Их эрдэмтэн Бямбын Ринчен бүтээлдээ тувачуудыг Диваа хэмээн тэмдэглэсэн байгаа. Бид 2012 онд Тува улсын зүүн өмнөд хэсэг буюу Эрзин хошуутай хил залгаа Завхан аймгийн Баянтэс, Тэс, Увс аймгийн сумдад угсаатны зүйн судалгаа явуулахад манай монголчууд хөрш тувачуудыг урианкай, диваа хэмээн нэрлэж байхыг тэмдэглэж авсан. Урианхай нь ер анхандаа монгол аймгийн нэр байсан бололтой. Хожим аажмаар түрэг угсааны зарим аймгийг бас урианхай гэдэг болж. Энэ талаар нэрт эрдэмтэн Ж.Цэвээн “Урианхай хэмээх ястан болбоос чухамхүү монгол үндэсний нэгэн аймаг мөн болох бөгөөд нэр нь Соёд хэмээх буюу Соён аймагт хадагдсан” гэсэн байдаг.
-Урианхайн хязгаар гэдэгт одооны Тува, манай баруун аймгууд, Уйгар-Шинжааны урианхайд бүгд багтах уу?
-Урианхайчуудын угсаа түүхийн талаар дагнан судалгаа хийсэн доктор Ц.Гантулга “Хөвсгөл, Увсын хязгаарыг Урианхайн хязгаар хэмээх болсон болсон XVII зууны эхэн үетэй холбогдоно. Энэ томъёолол хэвшин тогтох болсон явдалд Хотгойд, Урианхайг нэгтгэн захирч тухайн үеийн түүхнээ нэр алдар нь үлэмж өсөн улмаар Тагна, Соёны нуруу, баруун өмнөд Сибирь, Енисей, Обь мөрний эхний өргөн уудам нутагт оршин сууж байсан Тува, Тэлэ, Тэлэнгэд зэрэг олон аймгийг эрхэндээ оруулан захирах болсон Шолой Убаши хунтайжийн үйл ажиллагаа зүй ёсоор холбогдоно. Шолой Убаши хунтайж эдгээр нутгийг өөрийн итгэлт түшиг, шадар хүчин болж байсан Урианхайн сурвалжит ноёд Саму Буймагийн удмынхны мэдэлд гол төлөв нэгтгэн захируулжээ. Энэ үйл хэрэгт идэвхийлэн зүтгэж түүхэнд нэрээ дуурсгасан хүний нэг бол Урианхайн Сайн Мажиг. Сурвалжид ойрадыг дайлаар мордсон найман түмэн их цэргийн дөрвөн түм нь, түүний доторх түм таван мянган уулгач цэрэг нь Сайн Мажигийн их цэрэг байсан гэснээс үзэхэд тэрбээр Убаши хунтайжтай эн тэнцүү хүч чадалтай байсан бололтой. Тийм ч учраас тэр үед Убаши хунтайж болон Сайн Мажигийн захиргаанд багтаж орсон бусад овог аймгийнханд тэдний үндсэн ноёрхох аймаг Урианхайн нэр хадагдсан байж мэдэх юм” гэсэн байдаг.
-Урианхай нарын дунд Чингис хаантай холбогдох түүх домог олон л байгаа даа?
-Алтайн Урианхай долоон хошууныхан л зөвхөн нуман тамга хэрэглэж ирсэн байдаг. Баруун монголчууд тийм ч олон тамга хэрэглэдэггүй. Өөлдүүд гал тамга, баядууд олмон, захчингууд зөвхөн дэгрээ тамга хэрэглэдэг. Урианхайгаас бусад ястан нуман тамга хэрэглэдэггүй. Урианхайчууд аян дайнд хошуучлан тэргүүлэгч цэрэг байсан учраас Чингис хаан нуман тамгыг адуундаа дарж хэрэглэхийг зарлигласан гэсэн домог байдаг. Алтайн урианхайн хөх мончоого буюу баруун гарын тамгыг морины баруун гуянд дардаг байсан нь одоо ч хэвээрээ байгаа. Ховдын тувачууд бол Шинжааны хасаг, Хятадын дайнаас зугтаж орж ирсэн дүрвэгсэд. Тэд ч гэсэн бас л энэ нуман тамгаа ашигладаг.
-Урианхай сурын харваа гэж байдаг. Тэр урианхай нартай яаж холбогдож байна?
-Алтайн урианхайчуудын дунд л урианхай сурын харваа байдаг. Өөр газарт байдаггүй. Чингис хаан баруун зүгт дайлаар мордож ирэхдээ Эрчис мөрөнд зуны дэлгэр цагт их цэргээ амсхийлгэсэн. Тэгэхдээ цэргүүдийн найр наадамд зориулж урианхай сурын харвааг бий болгосон гэж үздэг. Урианхай сур харваа бол чөдөр, сур, ногтны цулбуураа зангидаж харвадаг үйл. Урианхайн нуман тамга, урианхай харваа Алтайн урианхайд л үлдсэн нь учиртай. Тагнын тувачуудаас Алтайн урианхайчуудын дээл хувцас ондоо байдаг. Урианхайчуудын хувцас баруун монголчуудынхтай адил цагаан захтай байдаг бол Тагнын урианхайчуудын эхнэр дээл хувцас гэхэд буриад, дархад басгадынхтай адил доголтой энгэртэй байгаа.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Хорлоогийн Баянмөнх: Намхай аваргын дархан мэхийг номдоо тодорхой бичиж оруулсан

Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж монгол түмнийхээ алган дээр тавьж байна. Монгол бөхийн мэхний их судрыг бүтээсэн эрхэмтэй хөөрөлдлөө.


-Таны дөчөөд жилийн хөдөлмөрөө зориулан бүтээсэн номыг хэн хэн ариутган шүүв?

-Номын мялаалга үгийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонт соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, туульч өөлд Тангадын Галсан, Монгол Улсын арслан, спортын гавьяат дасгалжуулагч, дэд профессор Лувсанчимэдийн Сосорбарам, шинжлэх ухааны доктор, спортын гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Лувсанзундуйн Ням, Монгол Улсын начин, боловсролын доктор Бүдээбазарын Адьяахүү нар бичиж ариутган шүүсэн. Номын сэцдийн зөвлөлд маш их баярлалаа. Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Бүргэд бүргэдийн шүүрлэг өөр

Бөх бөхийн мэх нь өөр

Бүүвэй бүүвэйн уянга өөр” гэдэг үг юутай үнэн.

-Монгол бөхийн барилдааны ов мэхийг та найман үндсэн хэсэгт ангилан судалсан гэсэн. Ямар мэхүүд байна?

-Барьцгүй хийх, цэрвүү барьцнаас хийх, элэг бүсний барьцнаас хийх, хав золгож хийх, шуудагдаж хийх, давхар мэх, хариу мэх, угсраа мэх гэсэн найман ангилалд хуваагдаж байна.

-Та даншгийн их аварга Ш.Намхайгийн дархан мэхийг таамаглан нэлээд судалсан гэл үү?

-Намхай аварга ямар мэхтэй хүн байв гэсэн асуултыг олон бөхөд тавьж байлаа. Дархан аварга Б.Түвдэндорж гуай “Мөрний барьцаас халаад гар дээгүүрээ арьс татаж байгаа юм шиг хөврүүлж татаж хаядаг байсан” гэж настайчуул хэлдэг юм билээ гэж байсан. Аварга Ж.Цэвээнравдан, даян аварга Н.Жамьян, даншгийн заан Д.Содном, Д.Гарамбазар нарын олон бөхөөр Намхай аваргын дархан мэхийг яриулж, бөхийн сургууль дээрээ нээлттэй хэлэлцүүлэг зохиож байлаа. Тэр бүхэн номд тодорхой орсон л доо.

-Дэлхийн аварга бөх Зэвэгийн Ойдов гуайд зориулсан хөшөө боссон. Таны хөшөө Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд бослоо. Ямаршуухан сэтгэгдэл төрдөг юм байна?

-Амьддаа хөшөөгөө босгуулна гэдэг ховорхон л үйл явдал. Ард түмэн бөхөөрөө бахархаад хөшөөг нь босгож байгаа юм. Увс аймагт босгосон хөшөө чинь иж бүрэн хөшөө шүү дээ. Эргэн тойрондоо арслан, бар, заантай, Монголын анхны мянган жилийн настай хөшөө гэж ярьдаг юм билээ. Өмнө нь хийсэн хүмүүсийн хөшөө бол шавар цементээр хийсэн цээж баримал байдаг бол энэ хөшөө маш сайн чанарын хөшөө гээд байгаа. Увс аймгийн ерэн жилийн ойгоор л босгосон эд.

-Таны монгол бөхийн ертөнцөд оруулсан гавьяа яндашгүй. Биеэр байгуулсан хөлсөн гавьяанаас гадна номын цагаан буян үйлдэж сайхан ном судар бүтээлээ. Гэлээ ч хүний хорвоо гэдэг сайн, муу янз бүрээр л хэлэгдэж явдаг нь жам. Таныг монгол бөхийг баруун, зүүн Монголын бөхчүүд гэж хоёр хуваасан нүгэлтэн гээд бас үздэг шүү дээ?

-Монгол бөхийг хоёр хуваасан гэдэг арга байхгүй үнэн зүйл байхгүй юу. Улсын наадамд Увс аймгаас хүн барилддаггүй байсан шүү дээ. Дээр үед даншиг наадам, ардын хувьсгалын наадмуудыг ч манай Увсын бөхчүүд мэддэггүй байсан. Алс хол газар учраас ирж чаддаггүй ч байж. Надаас эхлээд улсын наадмын дэвжээн дээр Увсын бөхчүүд гараад ирсэн.

-Увсын долоон хар гэж алдартай бөхчүүд гарч ирсэн дээ?

-Увсын долоон хар гэж гарч ирээд л, наадамд нь арав түрүүлээд ирэхээр хүмүүс бидний эсрэг бодолтой болоод ирдэг юм байгаа биз дээ. Тэгээд л “Увсын бөхтэй харьцах нь, Баянмөнхтэй харьцах нь” гэсэн үзэл гараад ирсэн. Тэгсэн чинь одоо сүүлийн үед “Увс болоод Увсын бөхтэй харьцах нь” гээд эхэллээ шүү дээ. Одоо Архангай, Говь-Алтайгаас ч олон сайхан бөх төрөөд ганцхан Увсын бөхчүүдтэй тэмцэнэ гэсэн юм алга болж байна. Бүх л нутгийнхан нэг нэгэндээ багш, шавь болоод холилдчихлоо. Надад гэхэд Увсын биш хэдэн зуун сайхан шавь нар байна. Миний энэ номыг бүтээлцэхэд энд тэндхийн өчнөөн олон шавь минь оролцлоо. Одоо бол би үүнд эмзэглэх юм байхгүй. “Хагас зуун жилийн ганцаардал” гэж дурдатгалын номдоо хангалттай бичсэн шүү дээ. Хойч үедээ санамж болгож спорт ийм байдаг юм шүү гэж бичсэн хэрэг л дээ. Хаанахын ч спортын салбарт ийм зүйл байж л байдаг. Хамгийн гол нь хэмжээ дамжаатай л байх ёстой. Дээшээ халиад улс төртэй хутгалдаж болохгүй.

-Таныг Бөхийн өргөөг авах гээд үзэлцээд байдаг гэсэн яриа байдаг даа?

-Бөхийн өргөөг надад мөнгөөр өгсөн ч би авахгүй гэж байгаа шүү дээ. Би өөрийн дөрвөн өрөө байраа хоёр өрөө болгодог юм бил үү гэж бодоод яваа хүн. Хөгшин бид хоёр одоо хоёулхнаа амьдарч байна. Дал, наян метр квадрат өрөө чинь томдоод байна шүү дээ. Цэвэрлэхэд ч хэцүү юм. Байраа жижиглэж хоёр өрөө болгодог юм бил үү гэж байхад Бөхийн өргөөгөөр юугаа хийдэг юм. Тэр новшийн хог шороог цэвэрлэнэ гэж лай байхгүй юу. Надад энэ тухай бодсон бодол нэг ч удаа байхгүй. Ер нь бөхчүүд дотор хувьчилж авъя гэж бодсон хүн нэг ч байхгүй.

-Ач, зээ нараас чинь бөх болчихоор хүн анзаарагдаж байна уу?

-Байгаа байгаа. Бэлтгэлээ хийцгээгээд байж л байна. Би ч өөрөө бэлтгэл сургууль хийгээд зовлон их үзсэн болохоор нэг их бөх болгочихъё гэж хүчлээд байдаггүй юм. Өөрснөө л мэдэг. Барилдвал барилдаад, барилдахгүй бол байг. Заавал миний зовлонг туулж, миний замаар явах албагүй шүү дээ.

-Та ч сүүлийн жилүүдэд морь мал сойгоод уяач болоод байгаа даа. Адуу чинь хаагуур нутаглаж байна?

-Адуу маань Төв аймгийн Сэргэлэн суманд байна. Богд уулын энгэрт хэсэг нь байгаа. Гачууртад манай хашаанд ч байна. Адуун дээрээ саяхан хүртэл очоод л ирлээ. Энэ номын их ажлаас болж би сүүлийн арван хоёр жил маш их завгүй байлаа. Мэхний зураг авдаг хүн, шивдэг бичээч хоёр гэхэд арван хоёр жил надтай адил зав зайгүй шахуу л ажиллалаа. Зураг авахуулдаг хүүхдүүд, зураг авах газраас өгсүүлээд их л ажил болж байж гурван ботио гаргалаа даа.