Categories
мэдээ цаг-үе

А.ЛХАГВА: Н.Норовбанзад гуайн хоолой хангинаж цангинаад, ярих нь хүртэл дуу шиг санагдаж билээ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагватай уулзаж хөөрөлдлөө.

-Ерээд оны эхээр гарсан таны “Соёолон морьдын тоос” шүлгийн номыг Баянхонгорт байхдаа анх олж үзэж байлаа. Номын тань нэрнээс яриагаа эхлэх үү?

-Яахав, би өөрөө хурдан морь унаж өссөн хүүхэд. Жижигхэн биетэй байсан болохоор би бараг зургадугаар анги төгстлөө хурдан морь унасан. Нас насны морьдоос хамгийн иртэй, хамгийн хурдан нь соёолон морь гэсэн ойлголт бага байхад тогтчихсон байсан юм уу даа. Тэгээд ч хүмүүс наадмаар “Соёолонгийн тоосонд орно” гэж сүйд болдог доо. Тэр мэтээс үүдээд л энэ нэрийг өгсөн хэрэг. “Тэнгэр тэвхэдсэн их улаан гал

Тэр бол соёолон морьдын тоос оо” гэсэн мөр бүхий шүлэг бас надад байсан.

-Таны төрж өссөн Дундговийн Дэрэн сум ямархуу онцлогтой газар орон байна?

-Бөмбөгөр бөмбөгөр толгодтой сайхан тал хээр нутаг шүү дээ. Хурд ихтэй, айраг цагаагаа сайхан хийдэг, найрч наадамч, тэнүүн уужуухан сэтгэлтэй ард түмэнтэй. Их дуучин Намжилын Норовбанзадын нутаг гэхээр ямархан нутаг орон болох нь ойлгомжтой. Манай багш Цэндийн Чимиддорж нутгаа их алдаршуулсан хүн. “Дэрэнгийн хар азарга” гэсэн шүлгийг нь хүн бүхэн мэддэг.

-Хурд ихтэй гэлээ. Танайхаас улсад морио түрүүлүүлж, айрагдуулсан уяач хэр олон байдаг юм бэ?

-Байлгүй л яахав. Дундговиос улсад анх морь айрагдаж түрүүлгэсэн уяач гэвэл манай Дэрэнгийнхэн шүү дээ. 1930-1958 оны хоорондох хориод жилд улсын наадамд Дэрэнгийн уяачид есөн түрүү, таван аман хүзүү, 13 айраг авсан гэлцдэг. Хайнзан, Гармаа, Довуучий нарын лут сайн уяач олон байсан юм билээ.

-Одоо цагт ямар сайн уяачид байна вэ. Таныг хурдан морьд, уяачдын талаар их зүйл бичдэг болохоор онцолж асуугаад байна л даа?

-Ерээд оны дундуур миний нагац ах Гүрбазарын хүү Батчулуун их насны хоёр халзан морио түрүүлгэж, аман хүзүүдүүлэн ховор сайхан амжилт үзүүлж байсан. Төрийн наадмын их насны уралдаанд тийм амжилт ёстой хуруу дарам цөөхөн. Манлай уяач Батчулуун ах маань энэ цагийн цуутай уяачдын нэг. Бямбасүрэн гэж сайхан уяач хүрэн азаргаа хэд хэд айрагдууллаа. Тэднийх бол дөрвөн үеэрээ улсад морь айрагдуулж байгаа гэхчилэн ховор сайхан түүх зөндөө бий. Адууны салхитай тэр л нутаг орон, хүн зоноосоо уран бүтээлийн онгод хийморь авдаг юм даа.

-Та бол Дундговийнхоо тухай их олон ном бичсэн сэтгүүлч. “Миний Дундговийнхон” номын тань бичлэгийг нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил агсан магтан сайшааж байхыг сонсч байлаа. Хөрөг нийтлэлийн хичнээн ном гаргачихаад байна?

-Хорь гаруй ном бий. Аймагтаа сумдын ном хийх салхийг намайг хагалсан гэж болно. Социализмын үед сумын танилцуулга гэж бичгийн цаасыг хоёр нугалчихсан юм байдаг байв даа. Манайх төчнөөн толгой малтай, тийм тийм алдар гавьяатан, ашигт малтмалтай гэсхийгээд л болдог. Тэр хэлбэрийг би Дундговь аймагтаа эвдэж, ном бүтээл болгосон юм. Тэр л нутаг орноо авч яваа жирийн сайхан хүмүүсийн дотоод сэтгэл, мөн чанар, хүн гэдэг амьтан ус нутагтайгаа ямар амин холбоотой байдаг зэргийг гаргахыг хичээсэн хөрөг, нийтлэлтэй ном хийлээ. Энгэртээ алтан гадас одонгүй ч сэтгэлдээ гэгээн сайхан одтой тийм хүмүүсийн тухай өгүүлсэн ном хийхийг зорьсон юм.

-Анх ямар сум орны тухай бичив. Та ч Дундговийнхоо сумдын түүхийг багцалчихсан юм байна л даа?

-Дэлгэрцогт сумынхны тухай “Нутгийн хоймор” нэртэй нимгэхэн цэнхэр ном гаргасан юм. Дараа нь өөрийнхөө сумын тухай “Хурд хургасан уяа”, Өндөршил, Баянжаргалын сумдын тухай “Өндөр газар”, “Тост боржигон” гээд номнууд хийсэн. Хамгийн гол нь судар шиг тэр л өвгөд хөгшдийн үг яриаг өөрөөс нь сонсч, бичиж тэмдэглэж авна гэдэг үнэ цэнэтэй юм. Одоо эргээд номоо харж байхад яриа хөөрөө өгч байсан сайхан буурлууд дийлэнх нь тэнгэрийн орноо морилсон байдаг. Ганцхан үг, өгүүлбэр, ганцхан агшин хором ямар үнэ цэнэтэй болохыг тийм үед илүү их ойлгодог.

А.Лхагва багш Цэндийн Чимэддоржийн хамт

-Их дуучин Н.Норовбанзад гуайтай та уулзаж, үг яриаг нь сонсч байв уу?

-Манай Дэрэн сумын ой болох гээд. Тэр ойн номыг нь би бичих болоод. Тэгж л анх их дуучинтай уулзсан юм. Ерэн гурван оны сүүлээр юм уу даа. Их дэлгүүрийн зүүн өмнөхөн гэрт нь очиж, яриа хөөрөөг нь авч байлаа. Хангинаж цангинаад, ярих нь хүртэл дуу шиг санагдаж билээ. Тэрнээс хойш гэрээр нь хааяа орж гардаг байсан. Өнгөрсөн зун Норовоо эгчийн мэндэлсний 85 жилийн ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэлээ. Тэр үеэр гарсан “Уртын дууны хатан хаан” номын доторх зарим материал, хүмүүсийн дурсамж яриа хөөрөөг тэмдэглэж буулган, тэр номыг бүтээлцэхэд оролцсондоо их баяртай байгаа. “Норовбанзад сан”, СУИС хамтраад энэ төслийг хэрэгжүүлсэн юм. СУИС-ийн захирал Э.Сонинтогос энэ ажилд чин сэтгэлээсээ хандаж, маш сайхан ном бүтээсэн шүү.

-Таны бичсэн

“Норовбанзадыг дуулахад

Ногттой унага жингэнэтэл янцгааж

Ногоон талд цогин цогин дэгддэг

Ноотонд багтахгүй аялгуу

Тэнгэр, газрыг хуурдаад

Тал нутаг цэнхэртдэг” гэдэг мөрүүд ч бас сайхан шүү. Энэ шүлэг хэрхэн бүтэв?

-Их Монгол Улсаа байгуулсны 800 жилийн ойн тэр жил яагаад ч юм би их онгодтой байсан. Өвөг дээдсийн маань бүтээсэн том үйл хэрэг шинэ сайханд даллан дууддаг шид увдис байдаг байх. Тэр жилийн намар оройхон энэ шүлэг бараг өөрөө ороод ирсэн. Нэг суудал дээр, нэг амьсгаагаар л бичсэн санагдана. Оны төгсгөл рүү “Монгол туургатны яруу найргийн наадам” боллоо. Тэнд уншигдах шүлэгт шалгарч, Соёлын төв өргөөнд анх уншлаа. Хүмүүс нэлээд мэддэг юм билээ. Манай нутгийнхан бол уншуулах дуртай.

-“Засгийн газрын мэдээ”сонины сурвалжлагчаар нэлээд олон жил ажилласныг тань мэдэх юм. Сэтгүүлчийн гараагаа та хаанаас эхэлж байв?

-Ерээд оны эхээр Дундговь аймгийн “Хотол чуулган” сонинд анх ажиллаж, сонины ажлын хэцүү атлаа сайхныг мэдэрсэн. Дараа нь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, “МОНЦАМЭ” агентлагийн Дундговь аймаг дахь сурвалжлагчаар ажилласан юм. “Ардын эрх” тэр үед Төрийн ордонд байрладаг байв. Б.Лэгдэн, Ц.Балдорж зэрэг аваргууд удирдаж байсан үе. 1994 онд нийслэлд ирж төвхнөсөн. Хотод ирэнгүүт “МОНЦАМЭ” агентлагт сурвалжлагчаар ажилласан. Намайг ирэхэд “МОНЦАМЭ” шатчихсан, бид их сонин орчинд ажилладаг байсан. Манай дотоод мэдээний албаны дарга Л.Цагаандалай Сэлэнгэ явж, хоёр ч вагон мод авчирч, агентлагтаа хандивлаж байсан. Бас л сайхан сэтгэл шүү. Одооны нөхөд бол өөртөө хаус барихыг л бодох байх.

-Уран бүтээлийнхээ мөрийг хөөгөөд чөлөөт уран бүтээлч болов уу?

-Би цагт баригдаж, цалинд хавчигдаж суух дургүй хүн шиг байгаа юм. Сэтгэлийнхээ зоргоор юмаа хийгээд явах нь сайхан байдаг. “Засгийн газрын мэдээ”-д нэлээд хэдэн жил ажилласан. Тэгээд ерөнхийдөө чөлөөт уран бүтээлч болсон. 2003 онд “Leaders” сэтгүүлийг үүсгэн байгуулж, арваад жил гаргалаа. Тэр үед сар тутмын тийм сэтгүүл Монголд байгаагүй. Нисэх онгоцны зорчигчдод хүртэл хүргэдэг байлаа.

-“Монгол зураачид” нэртэй дөрвөн ч цуврал боть гаргачихав уу. Тэрхүү цувралд нийтдээ хичнээн уран бүтээлчийн хөрөг багтав?

-“Монгол зураачид” номынхоо эхнийхийг 2009 онд гаргасан. Нийт дөрвөн цуврал уншигчдын гар дээр очоод байна. 2015 онд гаргасан дөрөв дэх номондоо дан Өмнөд Монголын зураачдын тухай өгүүлсэн юм. Өмнөд Монголын зураачид ямархан чадал чансаатай юм бэ, тэдний үзэл бодол, үүц нөөц, мөн чанар нь хэр юм бэ. Ямар ямар сайхан зураач, уран бүтээлчид тэнд байдаг юм бэ гэдгийг манайхан бас төдий л сайн мэдэхгүй. Тэнд очоод зураач нэг бүртэй уулзаж, урлангаар нь явж, дэлгэрэнгүй сурвалжилсаан. Нэг ботид маань багцаагаар 100 орчим уран бүтээлчийн хөрөг нийтлэл ордог. Өмнөд монгол зураачдын тухай номонд маань арай цөөхөн, жар орчим хүн орсон. Учир нь номоо хөндлөн болон босоо монгол бичгээр хамтатган гаргасан болохоор хэтэрхий зузаан болчих гээд байсан юм.

-Морьтнууд, нүүдэлчид таны шүлэг найргийн тан гол сэдвийн нэг шиг анзаарагддаг. Энэ нь таны төрж өссөн нутаг устай чинь холбоотой юу, хийж бүтээж байгаа ажил үйлстэй холбоотой юу?

-Аль алинтай нь л холбоотой байх. Монголын малчин түмэн гэдэг Монголыг Монгол байлгах тэр л алтан тамгыг атгаж яваа улс гэж би боддог. Малаа маллаж, морио унахаа больчихвол, морио уралдуулахаа больчихвол биднийг монгол гэхэд бас хэцүү. Хэдэн жилийн өмнө “Би энэ ертөнцийн сүүлчийн нүүдэлчин” гэдэг шүлэг бичсэн юм. Тэнд

“Мөнгө төгрөг, алт эрдэнэсийг бус

Мөнх тэнгэр, нутаг усаа л шүтэж амьдардаг

Би мөхвөл энэ ертөнцийн хүн чанар мөхнө

Би мөхвөл энэ ертөнцийн амар амгалан мөхнө” гэсэн бадаг буй. Жинхэнэ сайхан гэдэг Монголын хээр талд л бий.

-Өөрөө морьтой холбоотой их олон дуу хийсэн байх аа?

-Хийсээн. “Ононгийн хээр”, “Босоо хээр”, “Наранхүүгийн шарга”, “Туулай хээр” гэхчилэн энэ цагийн цуутай хурдан хүлгүүдэд дуун хадаг өргөсөн. Хурдан морь гэдэг монгол хүний сэтгэлийг хөглөж байдаг, хийморьтой амьтан л даа.

-Ингэхэд та яруу найргийн хэдэн ном гаргачихав?

-Гуравхан ном гаргасан шүү дээ. Эхнийх нь “Соёолон морьдын тоос”, “Сарны дарс”, сүүлд “Нүүдэлчний тэнгэр” гэдэг ном гаргасан. Арав арван жилийн зайтай гурван ном гаргасан байна. Хөрөг нийтлэл, баримтат уран зохиолын чиглэлээр бол хорь гаруй ном хийжээ. Ном бүтээх нь сүм бүтээхтэй агаар нэг гэдэг. Ном, сүм хоёулаа хүнийг ариусган цэлмээж, амирлуулан жаргааж, ухаарал, сэхээрэл өгч байдгаараа адилхан.

-Өнгөрөгч баасан гарагт таны “Сэтэрт тал” цэнгүүн МҮЭ-ийн Соёлын төв ордонд боллоо доо?

-Миний дууны нэр л дээ. Хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат ая данг нь тааруулж, дуучин А.Түмэн-Өлзий олны хүртээл болгосон дуу. Малчин түмэн хайртай малаа сэтэрлэдэг. Сэтэрлэсэн тэр л мал буяндаа гар хүрдэггүй. Эрх зоргоор нь байлгадаг. Харин Монголын их хээр талыг тэнгэр сэтэрлэсэн, тэнгэрийн хөх сэтэртэй юм шүү. Түүнд хамаагүй хүрч болохгүй гэсэн санааг агуулсан бүтээл л дээ.

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (II)

О.Мангалын гэр бүл

Өглөө наран мандахад Баруун-Урт хотын гудмаар Бор эгч бид Баярцогт ахаар газарчлуулан О.Дашбалбар найрагчийн нагац ах Осорын Мангал гуайнхыг зорилоо. Төв талбайд жагсаалчдын хэдэн гэр бариастай. Цагаан хоолойгоор “Хонхны дуу” цангинаастай. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрх баригч нам болоод АН хоёроос тэнцүү тоотой нөхөд гарч, дахин сонгуулиар хайн хагалахаар гарсан ардчиллын нэг нөхрийг хүлээн зөвшөөрөөгүйгээс зөрчил үүссэн юм уу даа. Намын сурвалжлагаар биш номын харгуйгаар аялж яваа болохоор тэгтлээ сонирхсонгүй. Харин сэтгэлд “Ай, Баруун-Урт хот минь, чиний ариун хөрсөн дээр гучин наймхан насандаа тэнгэрт дэвшсэн агуу их найрагч Данзаннямын Шагдарсүрэн, дөчин хоёрхон насандаа бурхан зүг одсон Очирбатын Дашбалбар нар гишгэж явсан шүү дээ. Энд Дашбалбар анхны шүлгийн номоо аймгийнхаа хэвлэхэд хэвлүүлчихээд яаж баярлаж явсан бол. Гомбожавын Мэнд-Ооёо хүж барилдсан дүү Балбартайгаа Шар дөрөлж дээр ямархан уянгаар нэгнийхээ сэтгэлийн чавхдасыг хөглөж явсан бол” гэсэн уянгалаг ч гэмээр, уйтай ч гэлтэй асуулт аяндаа хөвөрч ирэв. Ийн бодохуй Дашбалбар найрагчийн эртээ нэгэн цагт бичсэн

“Эртний сайн нөхөр шиг Баруун-Урт хот минь

Эргээд л би шувуудтайгаа цуг чамдаа ирлээ

Үдүүлж, угтуулсаар дасал болсон онгоцны буудал

Үнэнч хань минь хүлээсээр л байв уу?

Найрагч Шагдарсүрэнгийн алхаж явсан газар,

Намрын шар өдөр тогоруудын гунигтай нутаг,

Насны багад хашааных нь буланд зогсож

Нар болсон охидыг хүлээж цөхсөн үдэш.

Олон жилийн хойно хайрын үг сонсож

Орчлонд дахин төрсөн юм шиг баярлаж явсан нутаг

Орь залуу түүнээсээ анх сонссон үг шиг

О.Дашбалбар нагац ах О.Мангал, хүү Д.Гангабаатар нарын хамт. 1983 он

Одоо ч надад дотно болоод үнэтэй Баруун-Урт минь” гэсэн шүлгийн мөрүүд санаанд орж ирнэ. Олон жилийн өмнө туурвисан бүтээл нь орчлонд үлдсэн байхад бичсэн эзэн нь хаашаа ч оддог орчлон юм бэ дээ. Багшийн цусан төрлийнхнөөс хамгийн өндөр настай нь цагдаагийн бэлтгэл хурандаа, эдүгээ наян хоёрны хавартайгаа золгоод буй Осорын Мангал гуай ажээ. Байрных нь гурван давхрын шатыг өгсөн ороход хаалга нь түгжээгүй онгорхой байх аж. Хот газрынханд айлын хаалга онгорхой байх гэдэг их л хачирхалтай санагдах биз. Мангал гуай наран талын жижиг өрөөндөө адар ширтэн амьсгаадан хэвтэнэ. Айлчнаа анхандаа таньсангүй бололтой толгойгоо өндийлгөн нэлээд удаан харснаа золгохоор очиход л “Өө, энэ чинь Борхүүхэн үү дээ, бэрийгээ ч танихгүй болчих гэж” гэнгээ монгол ёсоор орноосоо өндийн золгов. Гэрийн эзэгтэйн бие тавгүйрхээд өглөө эртлэн эмнэлэгт үзүүлэхээр оджээ. Дашбалбар найрагч “Зүүдний мөнгөн шувуу” номдоо нагац ах Мангалдаа зориулан

“Торойн зам уул уруудан бүдгэрсэн Дарьганга минь

Тогорууны булаг хавцал дундаас мэлмэрсэн Дарьганга минь

Том бага уулстай талын чинь элгэнд гүйж өсөв өө

Толгод дамжин эрхэлж бага насаа чиний тэнгэрт өргөл болгоё оо…” гэж нутгаа санаж гэгэлзсэн шүлгээ бичсэн байдаг. Мангал гуай “Дашбалбар чинь Дарьганга суманд сургуулиа төгсөх жилээ Хөгжим бүжгийн сургуульд орно гэж шалгалт өгөөд тэнцэж байсан юм. Тэр сургуульд явах гэж байтал тухайн үеийн дарга нар арын хаалгадаад өөрснийхөө хүүхдийг явуулчихгүй юу. Манай тэр чинь багын баахан шазруун хүүхэд байсан болохоор “Би Зөвлөлтөд трактор комбайны курст явна” гэлээ. Гайгүй юм бичдэг байсан юм аа, тэр үедээ. “Чи зохиолч болно гэчихээд тракторын курст явдаг нь ямар учиртай юм бэ. Тракторын тостой жолооч болоод чамд юм бичих ч зав гарахгүй” гэж аашилтал “Би техниктэй харьцахгүй, хамгийн гол нь орос хэл сурч ирнэ” гэдэг юм. Төгсөөд ирэхэд нь би аймгийнхаа автын байцаагч байлаа.

Хөдөө аж ахуйн газрын дарга Дамдиндоржид “Нэгдэл дундын амралтын газарт хуваарилаад өг” гэж захилаа. Орос багш нар нь “Энэ сурагч юм зохион бичих авьяастай” гэж тодорхойлолтонд нь бичсэн байж. Манай нөгөөх чинь хүүхэд юм болохоороо тэрүүгээрээ түрээ бариад данаганаад байхаар нь “Тэгдэггүй юм аа, чи. Хуваарилсан газар нь оч” гэж Нэгдэл дундын амралтын газрын дарга Дашжавт даатган явуулсан. Дарьганга сумын амралтын газрын зохион байгуулагчаар хоёр жил хэртэй ажиллахдаа амрахаар ирсэн яруу найрагч Мишигийн Цэдэндоржтой танилцан, шүлгээ үзүүлэн багш, шавь барилдсан юм билээ. Мишигийн Цэдэндорж “Сүхбаатарын зам” сонины ажилтан Бат-Өлзийд “Энэ хүүхдийг сониндоо авчих” гэж гуйж оруулснаар аймгийн төвд ажиллах болсон. Төлийн сурвалжлагад явуулсан чинь үхсэн хургаа пүнзэнд овоолчихсон айлын тухай, манай тэр чинь багын хурц хүүхэд болохоор “Төлөөрөө дарш хийсэн нь” сурвалжлага бичиж бөөн юм болж, Бат-Өлзийг асуудалд оруулж байсан юм. Аймгийн дарга Далай нөгөөх нийтлэлийг уншаад сүрхий таньдаг болчихсон хойно өрөөнд нь орж “Би ийм юм бичдэг хүн байгаа юм. Номоо хэвлүүлмээр байна” гэж. Далай ч чадалтай, авьяастай хүүхэд гэж таньсан юм байлгүй, дэмжээд “Залуу насны замнал” анхны номыг нь цөөн хувь хэвлэсэн юм уу даа. Номоо хэвлүүлээд хот руу явж Хотын Эвлэлийн хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга Цасчихэрээр дамжуулан Улаанбаатар хотын Эвлэлийн хороонд орсон санагдана” гэж хуучилтал найрагчийн гэргий хажуугаас “Төв аймгийн Залуучууд Сангийн аж ахуйд явна гэхээр нь би хүүхэд шуухадтай, чи очоод төвхнөчих. Араас чинь очъё гэтэл Монголын Эвлэлийн төв хорооны дарга, зохиолч Л.Түдэв гуай шүлгийг нь үзээд “Ийм авьяастай хүнийг хөдөө хөхрөөхгүй хө. Чи энд ажиллана аа” гэснээр Улаанбаатар хотын Эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллаж, Цасчихэр гуайтай танилцсан юм” гэж байна.

Найрагч гэргийн хамт

Мангал гуай дүүгийнхээ баялаг намтрыг хуваалцах зуур царай нь шаргалтан туяарч ам халах янзтай. “Тэндээсээ Горькийн сургуульд явж дүү минь дэлхийн мэргэдтэй номын авшиг буянаар танилцаж зөв замд орсон доо” гэж уужрасхийн санаа алдсанаа “Сүүлд бас л санаа зовоох юм гаргалаа. Нэг өдөр ажил дээрээ байж байтал З.Ооёобаатар өрөөнд ороод ирлээ. Нэг сонин үзүүлээд “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” гээд юм биччихэж, цаадахь чинь. Одоо яана аа ах аа, цагдаа шүүх гээд бөөн юм болно оо” л гэж байна. Тэр бичсэн нийтлэлээсээ болж Улс төрийн товчооны хурлаар орсон гэдэг юм. Ю.Цэдэнбал дарга тэгэхэд “Дашбалбар гэдэг чинь ийм их залуу хүн байдаг юм уу” гэж түймрийн дөл намжаасан байгаа юм. Тэр ч бүү хэл Намсрай гуай “Чи зөв юм бичиж. Цаашид ч зоригтой бичиж бай” гэснээр “Номон дээр гишгэсэн алдас”, “Ардаасаа нуусан ардын эмнэлэг” зэрэг нийтлэлээ бичсэн гэж байгаа. Ингэж л анх нэрд гарч эхэлсэн. Би ч багаас нь загнаж сурсан болохоор Их хурлын гишүүн болсон байхад нь ч “Тэр муу, энэ муу” гэж хүнийг нүдийг нь бүлтийлгэж чичилж загнадгаа боль” гэж аашилж байлаа. Хожим нэг ирэхдээ “Даадайгийнхаа үгэнд ороод хүн загнахаа больсоон” гэж байсан даа, дүү минь” гэснээ хоолой нь зангираад ирэв.

Биднийг ийн хуучилж суутал гэрийн эзэгтэй Адьяа ёхолсоор орж ирэв. Тэрээр аймгийнхаа эмнэлэгт олон жил сувилагчаар ажиллажээ. Ажлаасаа ирэхэд гэрт нь амьдардаг Дашбалбар дүү нь хоол ундаа ягшуулчихсан, аргал түлшээ базаачихсан, өөрийнхөө орны тэрүүхэнд гэрэл асаагаад ном уншаад сууж байдаг байсан тухай дурсахдаа тэсэлгүй нулимс бөмбөрүүлж “Тийм ч сайхан дүү минь ийм ч богино наслах гэж” гээд мэгшүүлэв. Настай хүний сэтгэл дэнслүүлсэндээ гэмших ч сэтгэл төрөх шиг. Тэгтэл харин Мангал гуай “Ах нь дүүгээ талийх үед энэ шүлгийг 1999 оны аравдугаар сарын 19-нд бичсэн юм” гээд бяцхан товхимол гаргаж ирэв. Янз нь яруу найрагч дүүгээсээ л нуудаг байсан болохоос шүлэг найргийн авьяастай нэгэн бололтой. Тэр шүлэг нь “Дүү минь та од байжээ” гэсэн нэртэй. Дүүгээ “та” гэдэг ямархан ч их хүндлэл дээдлэл юм бэ дээ?

“Хөх Монголын алдарт хүүг

Хөрст дэлхийдээ шингэхэд

Хөвөн үүлс бөхөлзөж

Хөвч тайга дүнсийнэ

Цагаан зандангийн үнэр

Цацлаа өргөсөн хүмүүсийн

Цадигийн их хүч

Цаашдын зорилгыг чинь хэрэгжүүлнэ

Үнэн дээдийн төлөө

Үхтлээ зүтгэсэн дээ, дүү минь

Үнэхээр цогтой эрдмээ

Үй олондоо үлдээсэн дээ

Газар шорооныхоо төлөө

Галтай цогтой тэмцэж

Гарамгай шударга зангаараа

Гайхагдаж явсан даа, дүү минь

Ард түмний ачит хүү

Амьдын орчлонд байхгүй ч

Наран мэт төөнөж

Од адил гялалзаж

Гал шиг дүрэлздэг дүү минь

Орчлонгоос яагаад явчихав аа?

Хүний ертөнцөөс уйдав уу

Хүслээ биелүүлээд буцав уу

Хар санаатанд хорлогдов уу

Хаашаа явчихав аа, дүү минь

Дарь овоогоо шүтэн

Дагшин Дуутдаа ивээгдсэн

Дарьганга нутгийн суут хүү минь

Дахиад бидэндээ ирээрэй”

Мангал гуайнхаас гараад морин жолоочтойгоо яривал Д.Ренчинханд ах маань төрсөн дүү, Сүхбаатар аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Баасандоржийнд амарч байгаа ажээ. Энэ Баасандорж хэмээх залуутай өнгөрөгч намар Алтан овооны энгэрт дотно сайхан танилцаж байснаа санав. Баруун-Уртын төв гудмаар алхаж явахдаа Очирбатын Дашбалбар хэмээх их найрагч хүний хорвоод ямархан их тод сайхан мөртэй амьдраа вэ гэсэн бодол тээж явлаа.

“Алив юм цаг цагтаа л

Алтан дэлхийд хүчин төгөлдөр

Цагаан сахалтай буурал өвгөд ч

Цагтаа бас л шуугиулж явсан…” гэж тэрээр насны давааны оройд гарсан нагац ахдаа зориулсан юм шиг санагдсаар байлаа.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ НУТАГ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (I)

Баянцагааны их хялганат талын Чигчийт хэмээх газар

Сүхбаатар, Баруун-Урт, Дарьгангын шаргал тал руу явна гэхээс шөнө ч нойр хүрсэнгүй, үүр цайлгав. Үүр манхайн цайхын алдад аяны багийг минь замчлан харгуйлах Ренчинханд ах “Замаасаа Бор эгчийг авлаа. Гэрийнхээ үүдэнд хүлээж байх уу” гэж утас цохиж байна. Наран ургах хэрд бид Налайхаас цааш Зуунмод орчимд аян замдаа нэгэнт жигдэрсэн байв. Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, цогт эх оронч Улаан сахиусны овогт Очирбатын Дашбалбарын жаран насны ой энэ онд тохиож байгаа. Дарьганга нутагт мэндэлж, даяар Монгол түмэндээ алдаршсан суу билигт их хүмүүний тэгш ойд “Өдрийн сонин” гүн хүндэтгэл үзүүлж, томилолтоор илгээсэн нь энэ.

Манай “морин жолооч” Дугаржавын Ренчинханд бол Баруун-Урт хотын цэвэр усны шугамыг ерээд оны эхээр татаж, сүхбаатарчуудад буян болсон, Дундговь аймаг, Улаанбаатар хотын цэвэр усны байгууламжийг барилцахад хүчин зүтгэлээ өгсөн гидро-инженер мэргэжилтэй хүн л дээ. “Дүүрэн трейд” компанийн захирал, Онгон сумын Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч. Өнгөрөгч намар соёлын гавьяат зүтгэлтэн, дэлхийн энтэй найрагч Гомбожавын Мэнд-Ооёог төрөлх тоонот Шар бүрдэндээ очиж, Чингис хааны одонгийнхоо мялаалгыг нутгийн зон олонтойгоо хуваалцахад морин жолоочийг нь хийсэн нөхөр.

Дашбалбар багшийн гэргий Н.Борхүүхэн “Дарьганга, Наран явна гэсэн чинь урьд шөнө сэрвэлзээд нойр ч хүрсэнгүй” гэж тэрүүхэн тэндээ шүүрс алдсанаа Ренчинханд ахтай яриа өрнүүлэв. Тэгэхнээ тэр хоёр биенээ таньдаг болоод явчихав. Ренчинхандын эгч Даваатай Бор эгч нэг ангид сурч байж. Баянгийн даваан дээр нүүр хагарч, тэнгэр хангайдаа өргөл юүгээн сацаад Чингис хот ортол аян замын турш хөөрөлдсөөр явав. Тухтай унааны цонхоор хаврын шаргал наран ээж, зээ хүү О.Гэрэлт-Анар бид ч дуугүй явсангүй. Гэрэлт-Анар Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран баримлын дугуйлангийн шавь. Урлагт хайртай сэтгэл нь хожмын өдөр өвөөгийнхөө шийрийг хатаасан уран бүтээлч болох биз гэсэн гэгээн горьдол төрүүлнэ.

О.Дашбалбарын гэр бүл ээжийн хамт

Дашбалбар багш 1974 онд ЗХУ-ын Омскийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль дүүргэж ирээд Сүхбаатар аймгийн төвийн арван жилийн сургуулийн оройн сургуульд сурч байхдаа Бор эгчтэй нэг ангид, нэг ширээнээ суун танилцжээ. Аймгийн төвийн гэр хашаанд хүргүүлэхдээ наад талын айлын хашааны банзан завсраар орж, зам буруулан гэрээ зааж өгөөгүй аж. Үүнээс хойш Очирбатын Дашбалбар хэмээх мөнөөхөн гэрэлт хөвгүүн охинд сэтгэл улам татагдаж, ангийнхаа Сэргэлэнбаатар, Лхамсүрэн гэсэн хосоор “Хайрт чамдаа…” гэсэн бичигтэй, Бор эгчийн зургийг зүрхэн дотор жигтэйхэн гоёор хэвлэсэн юм шиг наачихсан тэмдэглэлийн улаан дэвтрийг өгүүлж дээ.

Анхандаа ч мөнөөх улаан дэвтрийг сөхөхөөс ч эмээж байснаа дотор нь бичсэн шүлгүүдийг уншин дотносох сэтгэл өөрийн эрхгүй төрсөн гэнэм. “Тэр дэвтэрт ямар шүлгүүд байв” гэвэл

Орон гэрийн чинь гадаа

Орой болтол зогсном

Орох, гарахыг чинь харуулдаж

Одод ширтэн хүлээнэм

Цагаан гэр чинь ойрхон ч

Цайран харагдах сарнаас алс

Царайлаг чи минь, энүүхэнд ч

Цагаан шөнийн одноос хол

Хаалгыг чинь нээх зориггүй

Хаяад явчих зүрхгүй

Гэрийн чинь гадаа эргүүлднэм

Зүүн гар талаас Д.Ренчинханд, Н.Борхүүхэн нар сэтгүүлчийн хамт

Гэрэлтэй тооныг чинь ширтнэм” гэж Бор эгч намуухан уншив. Дашбалбар багш танилцаад удаагүй байхдаа хот явах болж “Чи надад юу захих вэ” гэж байна гэнэ. Тэр үед бохь их ховор болохоор “Бохь” гээд таван төгрөг өгтөл авахгүй явчихаж. “Ирэхдээ нээрэн хоёр боодол бохь авчирч өгч байсан. Хөдөөний хүүхдэд цагаан бохь гэдэг замын хар лаак зажилснаас аштай байх вэ дээ” гэж Бор эгчийн дурсамж хөвөрнө. Замын хажуугаар найрагчийн шүлэгт мөнхөрсөн эртний домогт уул усан хөврөн хоцорно. Их зохиолч Нацагдоржийн мэндэлсэн Баяндэлгэр сум, Багануур хот, саа мөнгөн Хэрлэн гол. Хэрлэн их мөрөн мөсөн баринтгаа задалсан ч цөнгөө хараахан түрж амжаагүй цайвалзан цэнхэртэнэ. “Гоё сайхан долгис наадуулж гол ус намуухан урсана”. “Гол ус намуухан урсана” шүлэг нь гэхэд Монголын утга зохиолын намуун уянгын түүчээ “ГУНУ” урсгал болон түгэн дэлгэрэх болно гэдгийг хэн л мэдэж байсан билээ дээ.

Тэнгэрлиг найрагч Дашбалбар 1957 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран сумын нутаг Наранбулаг хэмээх газар эцэг Улаан сахиусны овгийн Дарьганга Жамсрангийн Очирбат, эх Осорын Цэрмаа нарын ууган хүү болон төржээ. Энэ тухайгаа тэрээр “Галав эриний зөнч” шүлэгтээ

“Долоон бурхан одод залхуутайяа гялалзах

Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй

Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх

Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай

Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр

Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр

Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр

Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр

Хоёрдугаар сард л дуртай” гэж төрсөн цаг улирлаа магтан дуулсан байдаг. Түүний аав Очирбатын эцэг Жамсран даа Дарьганга хошууны ноёны сүргийн даамал хүн байжээ. Жамсран даа идэр залуухан насандаа бурхан болсон учир хүүхдүүд нь эх Сониндуламаараа овоглож өсчээ. Бор эгч “Манай нөхрийг төрөх үед эх барьж авсан хүн нь нүцгэн авч гарч ирээд гадаа байсан хөөтэй тогоонд хөмөрч байлгаж байгаад гэртээ оруулж, хэдэн долоо хоног үүдэндээ улаан даавуу хадан хөл хорьсон юм гэнэ лээ. Энэ тухай багынх нь найз Баярсайханы ээж ярьдаг байсан. Тухайн үед нагац ах О.Мангалынх нь аав “Очирбатынд буянтай сайн хүү төрлөө. Эрдэм номтой сайн хүн болно доо. Даанч богино настай юм” гэсэн гэдэг гэж хуучлав.

Бор эгчийн хуучилснаар тэдний удам ч тайж язгууртай аж. Оройн сургуулийн есдүгээр ангид байх үеийнх нь цагаан сараар Очирбат гуай хүү Дашбалбараа дагуулан ирж бурхан тахилд нь хадаг, идээ будаа тавихад Бор эгч ичсэндээ гарч түлээний пинд бүтэн хоёр цаг гаруй зогсч, жигтэйхэн их даарснаа одоо ч мартдаггүй аж. Есөө төгсөх жил Дашбалбар багш “Би ес, арвынхаа шалгалтыг нэг зэрэг өглөө. Чи хамт захирал дээр ороодох” гэж дагуулж оржээ. Хэлснээрээ хоёр ангийн шалгалтыг нэг дор өгч, ангийнхнаасаа жилийн өмнө нийслэл хот руу явсан байна. Хорин хэдхэн настай хонгор зүстэй хөвүүн “Манай сургуулийн үүдэнд миний хөшөө хожмын өдөр босно” гэхэд найз охин Борхүүхэн нь итгэж өгөхгүй “Чи олон хүнд бүү хэлээрэй. Чамайг онгироо сагсуу гэнэ шүү” гэж захидаг байсан гэх. Дашбалбар хэмээх шүлэгч хүү амьдралд дөнгөж хөл тавьж байсан арван хэдэн насандаа л өөрийнхөө ирээдүйн зорилгыг тодорхойлчихсон байжээ. Чингис хотод үдлээд хөдлөх үед их найрагчийн охин Д.Дэжидмаа Япон улсаас ээжтэйгээ утсаар ярьж байна. “Та хэд маань олон сайхан хүнтэй уулзаад авахуулсан зургаа илгээгээрэй. Монголдоо байсан бол аав, ээжийнхээ нутаг руу хамт явахгүй юу” гэж нутгаа санасан хүний хоолойгоор ээждээ эрхлэх нь сонсогдоно. Ренчинханд ах “Таныг удам сайтай учраас алдаж болохгүй нь гэж хадам аав тань эрт хадаг тавихгүй юу. Ер нь манай дарьгангачууд бол Монголын арван зүгээс цугласан удам сайт хүмүүсийн оюун ухааны цомирлог гэж би боддог. Дарьгангын гурван их найрагч гэгдсэн Эрээнцавын эвдрээгүй найрагч Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо ах, О.Дашбалбар нарыг жишээлээд бодоод үзэхэд л” гэж ярианд үг нэмэрлэх нь голыг нь оносон тодорхойлолт гэлтэй. Энэ бүхнээс улбаалж Очирбатын Дашбалбар гэдэг хүнтэй хэрхэн танилцлаа гэсэн бодол төрж байна.

О.Дашбалбар Омскийн ТМС-д явахын өмнө. Аав Ж.Очирбатын хамт. 1972 он

Ээж маань наяад онд номын дэлгүүрийн худалдагч байхдаа шинээр гарсан ном бүхнийг авч өгнө. Хөдөө гадаа явсан ч номоо өвөртлөөд мордоно. Номондоо шимтсээр, айлын сүрэгтэй хонины найр үүсгэж, өндөр нагац Ёнгоодоо шилбүүрдүүлэн зугтсан минь цөөнгүй. Нэгэнтээ эмнэг үрээ сургаж, эмээлийнхээ ардуур хазгайлдсан шигээ исгэрч явтал унаа минь овоо цагааширсан шиг санагдав. Тэгэнгүүт өврөөсөө О.Дашбалбар багшийн “Гэрэлт хайр” номыг гарган, ширээ, сандал дээр тухалсан мэт эмээлийнхээ бүүргэн дунд тавиад уншиж явтал гэнэт сүр сархийсэн салхинд хуудас нь сэрчигнээд явчихав. Үргэсэн эмнэг шахуу үрээнийхээ буруу талын дөрөөнөөс гутлаа салгаж чадахгүй нэлээд явсны эцэст азаар хөл минь сугарч золоор мэнд гарсан билээ. Хожим С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын их сургуульд түүнийг хичээл заадаг гэхээр зорин ирж шавь барилдсан сан. Манай ангид багшийн их охин Д.Мөнгөндалай, өнөөгийн Улаанбаатар дээд сургуулийн багш, эрдэмтэн зохиолч Хургаагийн Сүглэгмаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Анандын Байгалмаа, сэтгүүлч Ш.Алтангэрэл, Л.Эрдэнэмаа нар суралцаж төгссөн. Дээд ангиудаас бол Болор цомын эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбат, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг, П.Батхуяг, Р.Эмүжин, Б.Батрэгзэдмаа, зохиолч-түүхч Б.Наминчимэд, Г.Ням-Очир нарын бичиг номын олон хүн төрөн гарсан юм даг. Бор эгч “Балбар минь мөн ч сайхан дуулдаг сан. Бурхан болсноос нь хойш олон ч шүлэг нь дуу боллоо. Өөрөө ч аялгуу сайхан зохионо. Явуухулан багшийнхаа “Намрын мөнгөн өглөө” шүлэгт аялгуу зохиож, гитар дээрээ бөмбөрдөн товшиход сэтгэл өөрийн эрхгүй долгисон догдолдог сон. Надад зориулсан шүлгүүд нь ч дуу болсон. “Камертон” хамтлагийн дуулдаг дуу чинь юу билээ” гээд

“Амраг минь, гунигт дуу бүү аял

Ариг цагаан саран хиртэж

Алсад жингийн цуваа саатна.

Айлын минь бүсгүй зовж

Алтан цэцгийн дэлбээ хумина.

Амраг минь, гунигт дуу бүү аял

Яруухан дуу аял, гэргий минь

Явуулын хүн түр саатаж

Янагаа үгүйлэн жаргана.

Янзагаа хөхүүлсэн шаргачин амарч

Яргуйн дэлбээг зөөлөн үнэрлэнэ

Яруухан дуу аял, гэргий минь” гэж аялахад зээ хүү Гэрэлт-Анар нь “Өвөө минь ямар мундаг яруу найрагч байсан юм бэ” гэж дуу алдав.

Бид ийн явсаар Дорнод Монголын талын эхлэл болсон Баянцагааны алдарт хялганат тал, Чигчийтэд нутаглаж буй Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Сүхбаатарын Буджавын хотонд аяны тоостойгоо буув. Буджав уяач Ренчинханд ахын тав, зургаан азарга адууг малладаг ажээ. Эл адуун сүрэгт улс, бүсийн гурван ч түрүү авсан Д.Ренчинхандын алдарт “Гээдэн хээр” азарга, Монгол Улсын манлай уяач Т.Монхорын улс бүсэд гурав айрагдсан цагаан морь зэрэг хурдан буянууд хуран чуулжээ. Ренчинханд уяач адуугаа хурааж, хийморио сэргээхийн ялдамд их найрагчийн зээд хурдан удмын охин даага бэлэглэсэн нь их л бэлгэшээлтэй сайхан санагдав. Тэндээс бид

“Агтын манлай ангир шарга минь

Алтан оддыг тосон үүрсээд

Зулай мөнгөн холын уулс минь

Зуун зууныг үдэж угтаад

Хээрийн сэлүүнд нь болжмор жиргэж

Хээнцэрхэн охидтой цэцгүүд нь ижилсээд

Гэрийн цэнхэрхэн утаат талдаа

Гэгээн наранд ойрхон өслөө би” гэсэн их найрагчийн дууг цолгиухан дуулцгаасаар Баруун-Урт хотод үдшийн ододтой уралдан очиж, О.Дашбалбар багшийн ойрын төрөл аймгийн шүүгч Баярцогтынд хоноглолоо.

Үргэлжлэл нь “Өдрийн сонин”-ы №090 (5657) дураагт

Categories
мэдээ цаг-үе

Б.Орхонтуул: “Нисдэг нь” зураг маань анх нэргүй бүтээл байсан

Монголд зураач, урчууд ямар чиг хандлагатай уран бүтээл туурвиж байгааг багцлан харах боломжтой “Алтан бийр”, “Намар”, “Оны шилдэг бүтээл” гэх үзэсгэлэнгүүдийг Монголын урчуудын эвлэлийн хорооноос уламжлал болгон гаргадаг. Энэ удаад дөрөвдүгээр сарын 4-11-ний хооронд “Алтан бийр-11” үзэсгэлэн гарсан. Үзэсгэлэнд 100 орчим уран бүтээлчийн 120 гаруй шинэ ажил дэлгэгдсэн байна. Эдгээр уран бүтээлчдээс Б.Орхонтуулын “Нисдэг нь” гэх нэртэй зураг шилдэг бүтээлээр шалгарсан юм. Түүнтэй бүтээлийнх нь талаар ярилцлаа. “Алтан бийр-11” үзэсгэлэнд шилдгээр шалгарсан зураач Б.Орхонтуул МУЭ-ийн хорооны Урлангийн байранд нэг жил ажиллах эрх, мөнгөн шагнал, “Сувд” арт галерей, “Ninth Art Gallery”-д тус бүр нэг удаа үзэсгэлэн гаргах эрхээр шагнагджээ.


-Эл бүтээлээ “Нисдэг нь” гэж нэрлэсэн учир юу байна?

-Зургийг нэрлэхэд их хэцүү байдаг. Анх Монголын урчуудын эвлэлийн хороон дээр бүтээлээ аваачиж өгөхөд нэргүй байсан ч “Нисдэг нь” гээд нэрлэчих үү гэхээр нь зөвшөөрчихсөн юм. Сүүлд хараад байхад нэр нь оносон юм шиг санагдсан.

-Зураг дээр чинь байгаа хоёр хүн их анхаарал татаж байна л даа?

-Хоёулаа би өөрөө байгаа юм. Амыг нь утсаар боочихсон учраас бөмбөлөг хийгээр дүүрдэг шиг уран бүтээлч хүн өөрийгөө илэрхийлэхдээ ч учиртай илэрхийлж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Дотоод хувьслаа л илэрхийлж байгаа хэрэг л дээ. Тийм учраас миний нэг дүр хийлсэн бөмбөлөг болж харагдаж байгаа. Харин дээр нь мордчихсон нөгөөх нь хуруугаараа амаа дарсан нь аливаа зүйлд дандаа хийлсэн бөмбөлөг шиг байж болохгүй, сэтгэлзүйгээ хааяа дарж чимээгүй байх хэрэгтэйг бэлгэдлээр харуулсан л даа.

-Сар ч бас бөмбөлөг юм биш үү?

-Тэр харахад сар боловч бас нэг бөмбөлөг байгаа юм. Ер нь сар, бөмбөлөг гэхээсээ илүүтэй уран бүтээлч хүний хүрэх ёстой зорилгыг төлөөлүүлсэн бэлгэдэл. Тиймээс бөмбөлгөн нүүр, бөмбөлгөн сар хоёр хоорондоо утсаар холбоотой байгаа. Монгол уран зургийн бэлгэдлийг орчин үеийн урлагтай холбож л зурсан юм. Би багаасаа үлгэр домог сонсож өссөн болохоор бэлгэдлийн зүйлийг ургуулан бодох их дуртай.

-За, тэгвэл цөл ч юм шиг, мөхсөн ертөнц ч юм шиг энэ уулс юуг бэлгэдэж байна?

-Бөмбөлөг, сар, бөмбөлгөн нүүрт хүн гээд бүгд зөөлөн биетүүд учраас зургийнхаа зохиомжийн тэнцвэрийг хадгалах үүднээс ийм талстан уулсыг дүрсэлсэн хэрэг. Хатуу, зөөлөн хоёр чинь энэ орчлонгийн мөн чанар юм л даа. Агаарт байгаа гурвалжингуудын тухайд бөмбөлөг, бөмбөлгөн нүүртай таарч орхивол хагалчихна. Гурвалжин гэдэг өөрөө хатуу ирмэгтэй хурц зүйл. Харин бөмбөлөг бол эмзэг зөөлөн. Тиймээс сарыг хүртэл бөмбөлөг болгон зурсан.

-Өөрөө өөрийгөө унадаг нь яаж байгаа юм бол?

-Ер нь зургийг тайлбарлах хэцүү л дээ. Хүний дотор сэтгэлд бурхан, чөтгөр хоёр орон зайгаа булаалдаж байдаг гэдэг дээ. Бодит ертөнцийн бие махбодон Би-гээс гадна, оюун санааны Би гэж нэг юм байдаг байх. Тэр оюун санааны Би магадгүй хүнийг далдаас эрхшээгээд байх шиг санагддаг. Уран бүтээл хийгээд байж байхад би заримдаа нэг л их хөгшин ухаантай би болчих шиг санагддаг. Мэдээж амьдрал дээр бийр барьсан би хэвээрээ л байгаа шүү дээ. Энэ хоёр би бие биеэ унаагүй, хоёулаа агаарт хий орон зайд нисэж яваа юм. Тэр нисэж байгааг тодруулах гэж доод талын уулсыг дүрсэлсэн. Бөмбөлгөн сарыг зорьж байгаа маань далд байгаа, алс холхийг мөрөөдөж байгаагийн бэлгэдэл гэх юм уу даа.

-Их л учиртай философитой бүтээл болж дээ?

-Аливаа уран бүтээлч амаараа бүтээх нэг хэрэг. Амаар бүтээсэн болгон хөөс хий л болдог. Тиймээс хийгээр дүүрсэн бөмбөлөг болчихгүйн тулд том том ярьж хөөрөхгүй байж байгаад сайн уран бүтээл туурвих нь чухал юм шиг санагддаг.


Categories
мэдээ цаг-үе

Монгол эхийн цагаан сүүгээр амласан дэлхийд цараатай ОРОС найрагЧ

С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд сурч байхад Очирбатын Дашбалбар багш өрнө, дорнын уран зохиолын хичээл заадаг байв. Зохиолч, яруу найрагчдыг дагуулан ирж оюутан бидэнтэй уулзуулна. Нэгэнтээ яруу найрагч Шаравын Сүрэнжав гуайтай ирсэн өдөр ангийн цонхон цаана цасан бударч, ёстой л нэг малгайлах шиг болж байв. Балбар багшийн сэтгэл их хөдөлсөн янзтай босож ирэн цонхоор санаашрангуй ширтэнгээ нааш цааш холхин алхаж “Цагаан цасан бударна

Утас дамжих шиг гулсана…

Цагийн цагт амьдрах юм сан

Угтаа, бүтэхгүй л биз дээ.

Хэн нэгний сүнс

Орох цагаан цас шиг

Хэл улгүй замхран

Огторгуйд хөөрөн бударна

Цагаан цасан бударна

Цаашдаа би ч бутарна

Үхнэ гэж гунихгүй

Мөнхөрнө гэж горилохгүй

Од биш, цас биш болохоор

Огтоос шидэд би итгэхгүй

Орчлон дээр ахиад би

Хэзээ ч, хаана ч ирэхгүй

Ахархан наслахдаа тэгээд

Аминаасаа илүү юуг хайрлав

Хэний зэрэгтэй явав гэж

Хилэнцээ би бодох юм…

Ширхэг томтой цасан

Шимшрэн цайран лавсаж

Миний болоод хүний

Мөр улыг дарна

Мөнхрөх хүчин үгүй ч

Мөнхүү найдвар гэвэл:

Орос хэрвээ байвал,

Би байх нь мэдээж ээ” гэж гуниглангуй агаад цоглог уншихад оюутан бид ёстой нэг ангайтал сонсож, бишрэн байж билээ. Тэрээр “Евгений Евтушенко гэж мэдэх үү, та нар. Мишигийн Цэдэндорж энэ шүлгийг янзтай орчуулсан байгаа биз” гэж ноцтой гэмээр ноцсон халуун харцаар ширтэж байсныг санаж байна. Мөнөөхөн шүлгийг ч “Зөвлөлтийн шилдэг яруу найраг” номын нэгдүгээр ботиос олж уншин тэр дорхноо л цээжилсэн нь цас будрах болгонд л санаанд ордог хэвээр.

Зөвлөлт холбоот улс болон Оросын их яруу найрагч Евгений Евтушенко 1933 оны долоодугаар сарын 18-нд Эрхүү мужийн Доод Үдэд төржээ. Наяад оны эхээр манайд айлчлал хийхдээ тэрээр “Би монгол эхийн ариун цагаан сүүг хөхөж хүн болсон хүн” гэж хэлсэн нь монголчуудын сонирхлыг өөрийн эрхгүй татсан аж. Сибирийн төмөр замын Зима гэдэг эл өртөө Эрхүүгээс баруун хойшоо 230 километрт оршдог, оросууд хожмоо Ока болгосон, буриадаар Аха хэмээх их голын зүүн эрэгт байдаг аж. Зима гэдэг нь орос хэлний өвөл гэсэн үгтэй ямар ч хамаагүй, буриад үгнээс гаралтай бөгөөд цөллөгийнхнийг буриадууд зэмтэй хүмүүс гэж хэлдэг байснаас Зима гэдэг нэр үүссэн гэсэн яриа байдаг. Е.Евтушенког эх нь 22 настайдаа төрүүлэх үед тарчиг цаг ч таарч, залуу эхийн хөх сүү муутай учир хүүгээ цатгаж чадахгүй, арга барагдаж эрэл сурал болж байтал амаржаад удаагүй нэг залуухан эх таарчээ. Тэр ээж буриад хүн байж. Ингэж ирээдүйн их орос найрагч тэр буриад монгол эхийн ангир шаргал уургийг хөхөж хүн болсон байна. Найрагч “Би хожим хойш, урагш олон явахдаа тэр өртөөгөөр байнга дайрдаг. Дайрах болгондоо тэр буянт эхийн шарилд цэцэг тавьдаг заншилтай болсон” гэсэн байдаг.

Евтушенко хамтралд ажиллаж, Казахстаны Алтайд хайгуулаар явж, 1949 онд анхны шүлгээ хэвлүүлж, 1952 онд анхны номоо гаргаж байв. Тэр жилдээ Евтушенко Оросын Зохиолчдын Эвлэлийн хамгийн залуу гишүүн болсон юм. Түүнийг Никита Хрушевын цаг үеийн буюу 1960-аад оны уран бүтээлчдийн тэргүүлэх төлөөлөл гэж үздэг. 1961 онд түүний хамгийн алдартай найраглал болох “Бабий Яр” хэвлэгдсэн нь жүүдүүдийн эсрэг нацистуудын Киевт үйлдсэн хядлагын тухай байжээ. Уг найраглалдаа Евтушенко түүхийг гуйвуулж байсан Зөвлөлтийн бодлогыг, ЗХУ дахь анти-семитист үзлийг шүүмжилсэн юм. Евтушенко “Ирээдүйн хайгуулчид”, “Гурав дахь цас”, “Газрын эн”, “Ялдам сэтгэл”, “Братскийн УЦС” зэрэг олон ном түүвэр хэвлүүлсэн бөгөөд “Зима өртөө”, “Умардын нэмэгдэл”, “Арван гурав”, “Бүрэн өсөлт” зэрэг найраглал, “Гурав дахь цас”, “Агуу их санаачлагчдын засмал зам”, “Амлалт” зэрэг шүлгүүд нь ихэд алдаршжээ. Түүнээс гадна тэрбээр “Нислэг”, “Хүүхдийн цэцэрлэг”, “Сталиныг нутаглуулсан нь” кинонд тоглосон юм. Евгений Евтушенкогийн зохиолоор хөгжмийн зохиолч Д.Д.Шостакович “13 дугаар симфони” болон “Степан Разинг цаазалсан нь гэдэг симфони найраглал зохиосон аж.

Социалистуудад тэрслүү үзлээрээ адлагдаж амьдарсан ч, рок одоос ч илүү алдартай болсон түүнийг нацистуудын яргаллыг сэтгэлд нэвчтэл бичсэн “Өртөө хавцал” найраглалаар нь дэлхий нийт андахгүй. Энэ алдартай найраглалыг нь соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй орчуулагч монгол хэлнээ буулгаж, “Цог” сэтгүүлд нийтлүүлж байв. “Өртөө хавцал” найраглалд

“…Дөрвөн сарын мөчрийн нахиа шиг

Ариухан, энхрийхэн болчихов.

Надад ч бас хайр буй,

Үггүйгээр тэрнийгээ хэлчихэж чадна.

Нүдгүйгээр тэрнийгээ илчилчихэж чадна.

Хамгийн гол нь

Хайртынхаа нүдийг л харахдаа байдаг.

Харах нь багадвал үнэрлэх нь гол байдаг.

Хайр минь тэр ээ.

Унасан навчийг үнэрлэж болохгүй.

Уужим тэнгэрийг тэвэрч болохгүй.

Хамгийн ариухан нь л,

Хамгийн энхрий нь л-

Харанхуйн дунд

Хоёр биеэрээ тэврэлдэх нь чухал аа” гэсэн уянгын мөрүүд бий. Евтушенко “Сталиныг залгамжлагчид” шүлгээ гаргасан нь Сталинизмын үзэл Зөвлөлтөд үргэлжилсээр байгааг шүүмжилжээ. Энэ шүлэг анх “Правда” сонинд нийтлэгдсэн ба үүнээс хойш 1986 он хүртэл ЗХУ-д ганц ч удаа дахин хэвлэгдээгүй юм. Тэр 1965 онд яруу найрагч Иосиф Бродскийг баривчилсныг эсэргүүцсэн захидал илгээж, 1968 онд Чехословакт ЗХУ цэргээ оруулсныг эсэргүүцсэн захидал эрх баригчдад илгээж байжээ. Чехословакт түрэмгийлэл эхэлснээс хоёр хоногийн дараа Евтушенко “Прагад танкнууд явж байна” нэртэй эсэргүүцлийн шүлгээ зохиосон юм. 1989 онд сонгуулиар Ардын хурлын депутат болсон Евтушенко 1991 онд Борис Ельцинийг дэмжиж байжээ. Дараа нь Чеченьд дайн эхлүүлснээс болоод Ельцинтэй харилцаа муудсан юм. Төрийнхөө тэргүүнтэй муудсан Евтушенко 1991 онд АНУ-д шилжин очиж Америк-Москвагийн хооронд нүүдэллэн амьдрав. Тэрээр “Би Америк улсын хүндэт иргэн. Оклахома мужийн оршин суугч, хотын хүндэт иргэн нь. Тэд өөрсдийн их сургуулиа сурталчлах болохоор миний зургийг нийтэлчихдэг. Эдний хувьд би сургуулийн таних тэмдэг. Тэд надад хайртай, би бас тэдэнд хайртай. Орост намайг ингэж хайрлаж хvндлэх байсан болов уу. Эсвэл аль нэгэн тосгонд нэг муу байшинд ясаа тавих байсан биз” гэж Америкийн сэтгүүлчид ярьсан удаатай.

Монгол эхийн сүү хөхөж хүн болсон дэлхийд цуутай орос найрагч Евгений Евтушенко АНУ-ын Оклахомад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр 84 насандаа тэнгэрт дэвшив. Өнгөрөгч сарын 31-нд бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн Евтушенко эхнэр, хоёр хүүгийнхээ дэргэд эцсийн амьсгалаа хураажээ. Нобелийн шагналт зохиолч Александр Солженицыний бэлэвсэн эхнэр Наталья Солженицына түүний тухай “Евтушенко цэл залуудаа ч, цал буурал ахуйдаа ч жинхэнэ домог болсон хүн байсан. Тэр бол өөрийнхөөрөө амьдарч, жинхэнэ иргэний байр сууринаас бичдэг байсан” гэж Оросын төв телевизэд ярьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яруу найрагчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн. Песков “Евтушенко бол агуу яруу найрагч байсан ба түүний үлдээсэн өв Оросын соёлын салшгүй хэсэг юм” гэсэн байна. Евтушенко өөрийгөө Москвагийн дэргэдэх зохиолчид голдуу амьдардаг Переделкино хэмээх тосгонд Нобелийн шагналт зохиолч Борис Пастернакийн булшны дэргэд хөдөөлүүлэхийг гэрээсэлжээ.


Categories
мэдээ цаг-үе

А.Амарсайхан: “Тоншуул”-ын дугаар ирэхэд “Коби”-гийн пүүз авсан юм шиг л баярладаг хүүхэд явж дээ

“Тусгай салаа” ОАК-ны уран бүтээлчид

Шог зохиолч, шог зураач Алтангэрэлийн Амарсайхантай уулзаж ярилцлаа. Түүнийг “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч гэдгээр нь мэддэг.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Саяхан таны зохиолоор бүтээсэн “Тусгай салаа” кино Берлиний кино наадмын шагнал хүртсэн.

-Баярлалаа. Кино бол багийн уран бүтээл. Тэгэхээр амжилт маань манай багийн амжилт. Энэ киног бүтээхэд бие сэтгэл оролцсон бүх уран бүтээлчид болоод Монголын Зэвсэгт хүчний нийт офицер ахлагч, бие бүрэлдэхүүн ялангуяа жирийн бор цэргүүддээ баяр хүргэе.

-Таныг зохиолчид “Тоншуулын Амараа” гэлцдэг байсан. Дараа нь “Тусгай салааны Амараа” болсон. Одоо нэр өөрчлөгдөх болов уу?

-Энэ киногоор овоглосон уран бүтээлч олон. Хоёр киноны минь дүрүүдээр нэршсэн яваа хэд хэдэн жүжигчин бий. Тэднийг хүмүүс бүтээсэн дүрийнх нь нэрээр дуудаж харьцдаг. Тэр бүрт би өөрөө нэрээ дуудуулсан юм шиг л баярладаг. Кинонд хамтран ажилласан найруулагч, жүжигчин, зураглаач бүх мундаг хүмүүстээ залбирч дараагийн уран бүтээл хийх урмаар тэтгэгдэж байдаг даа. Зохиолч болгон л өмнө хийснээсээ илүү сайн, илүү олон хүний таашаал хүртсэн, илүү “дуу шуу” хадаасан бүтээл хийх юмсан гэж толгой гашилгаж явдаг болов уу. Би ч бас илүү чанартай сайн бүтээл туурвичих юм сан гэх мөрөөдөлтэй товчлуур торчигнуулсаар л сууна. Гэхдээ юм үзээд, ном уншаад байх тусам л агуу бүтээл биш аль болох энгийн хэрнээ уран содон юм хийх юм сан гэж толгой гашилгадаг боллоо. Энгийн зүйлийн наадтайх содон гайхалтайг олж харж чадна гэдэг л зохиол оролддог хүн бүхэнд байх ёстой хамгийн эрхэм чадвар болов уу. Цаад нууцыг нь биш наана ил байгаа шигтгээг.

-Үзээд, уншаад гэж хэлснийг тань өлгөж авъя. Ингэхэд хаанахын хэнийг уншаад байна?

-Киногоор өвчилсөн чигээрээ л байна даа. Их уншсан хүн болж омойтоод яах вэ, би ч бусад зохиолчдыг бодвол бага уншдаг хүн. Олон ном биш онцгой хэрэгтэй номоо л олж унш гэж зөрүүдэлдэг гэх үү. Хааяа “цэнэг” авмаар болохоороо Анатолий Буйловын “Их нүүдэл”-ийг бариад авдаг. Энэ номыг хэд ч уншсан юм бүү мэд. Аханья надад монгол өвгөн л гэж санагдаад байдаг. Наанаа энгийн ахуй юм шиг хэрнээ цаанаа асар гүн юм өгүүлсэн зохиол. Ц.Гомбосүрэн гуай гайхамшигтай орчуулсан.Онолоос Кристофер Воглерийн “Зохиолчийн аялал” номыг их барьж авдаг болоод байгаа. Орос хэл дээр цахимаар татаад, эхэлж уншихдаа огт ойшоогоогүй. “Америк кино бол өөр. Монгол хүн монгол киногоо л хийх ёстой” гэх сэтгэхүйгээр хандаад, таашаахгүй яваад байсан хэрэг л дээ. Гэтэл энэ номыг надад “Боролдой” Мягмар ах шинээр нээж өгчихөөд байна. Буцаад барьж аваад байх тусам шинэ олж хараагүй зүйлс гарч ирээд байх нь сонин. Өөрийнхөө бичсэн киногоо ч Воглерийн бодож боловсруулсан тиг гортигоор задалж үзээд, юун дээр оносон, юун дээр алдсан, юуг тэс өөрөөр хийснээ хараад байх тусам, номыг ахиж унших хэрэгтэй болоод байдаг. Манайд орчуулагдаж гарсан Дэвид Троттьерийн “Кино зохиолчийн библи” номыг ч их барьж авдаг. Энгийн зүйл дэх уран содон зүйлийг олж харж сурахад яалт ч үгүй Холливүүдийн зохиолчдын баримталдаг онол тусалдаг.

-Кинонуудаа эргээд харахад юун дээр оносон юун дээр алдсан байх юм?

-Киног минутаар нь хуваагаад эхний тэд дэх минутад дуудлага орж ирэх ёстой, дараа нь тэд дэх минутад эргэлзээ үүсгэх ёстой, хугацааны дөрөвний нэгээс босгыг давж, тусгай ертөнц лүү унах ёстой гэх зэргээр хугацаагаар нь маш нарийн хуваагаад эргэлтүүдийг нь заагаад өгчихдөг. Холливүүдийн кинонуудыг үзэхэд яв цав тэр тигээр хийчихсэн байдаг. Кино яг талдаа ороход л гол баатар нь үхэл сэхлийн зааг дээр ирчих жишээтэй. Би энэ бүтцийг нилээн алдаж хийгээд зарим зүйлээ сунжруулчихсан байдаг. Харин зөрчлүүдээ их зөв гаргаад сайн хөгжүүлж, дүрүүдээ хооронд нь сайн орооцолдуулж хэлхэж, зангидаж өгч чадсан. Хамгийн оносон зүйл нь дүрийн ааш араншин, зан чанар, хэлж зуршсан үг, алдах эрхэм зүйл гээд тодотгож, зурж өгөх тал дээр маш оновчтой шийдлүүдийг хийгээд явчихсан. Дүрүүд маань л киног аваад явчихсан гэхэд хилсдэхгүй ээ.

-Нэг зүйлийг сөргүүлж асуух гижиг хүрчихлээ. Та эхлээд онол судалсан бол түмэнд хүрсэн хоёр киногоо бичиж чадах байсан уу?

-Үнэнээ хэлэхэд өөр тийшээ хадуураад явчих байсан байх. Яг ийм бүтцээр нь бичихгүй дээ. Эхлээд ВГИК төгсчихөөд дараа нь кино зохиол бичих тухай бодоогүй, хэдэн шог өгүүллэг, телевизийн цөөн хошин зохиомж бичсэнээс өөр туршлагагүй хэрнээ “ар халхын тэнэг зориг” гаргаад кино зохиол, тэр тусмаа олон ангит кино зохиол шүүрээд авчихсан хүн. Гэхдээ хонон өнжин сууж, олон кино үзэж, судалгаа хийсэн. Бага сага юм уншаад, санамсаргүй эргэлтээс эхлээд онолын аар саар зүйлсийг мэддэг болчихсон байсан.

-Барууны онолын эсрэг хийчихсэн зохиол танд байх юм уу?

-Байна аа. Кино зохиолчдод зориулсан бүх гарын авлага “Өвөрмөц төрхтэй гол дүр бий болго. Түүнийхээ бярыг сорих хүчирхэг өрсөлдөгч – эсрэг дүр сэд. Дараа нь сэтгэл хөдөлгөм түүх бодож ол” гэх үгийг эхний хуудсууддаа заавал өгүүлсэн байдаг. Гэтэл би “Тусгай салаа”-гаа эсрэг дүргүйгээр хийчихсэн. Дүрүүд хоорондоо зөрчилдөж сөргөлдөөд байдаг ч бүгдээрээ сайн сайхны бэлгэдэл болсон эерэг дүрүүд байдаг. Дурлалдаа шатчихсан хөөрхөн бүсгүй Анужинг эсрэг дүр гэх үү, эсвэл нөхрөө харамлаж харддаг, тэр хэрээрээ халамжилж хайрладаг Тамир бүсгүйг сөрөг дүр гэх үү. Эд бол яавч сөрөг дүр биш. Тухайн ангийн үйл явдлаасаа шалтгаалаад хөдөөний цайлган хүү Дэндэвийн эсрэг дүр нь хотын баян айлын чиг шугамдаа тууштай хүү Сүлд болоод ирнэ. Дараагийн ангид Сүлдийн эсрэг дүр нь Хурц захирагч болчихно гэх зэргээр эсрэг дүрүүдийн үүрэг нь шилжээд, хувираад яваад байсан байдаг.

-Сэдвээ жаахан өөрчлөе. Бараг л бүх зохиолчид шүлэг бичиж уран зохиолд анхны шангаа татсан байдаг. Таныг харин тэс өөр зүйл бичиж эхэлсэн гэж сонссон юм байна.

-Би анх шог өгүүллэг бичиж эхэлсэн. Суманд орос хэлний багш байхдаа ханын сонинд багш нараа элэглэж зураад, сургууль хэт халснаас сурагчдын үзэгний бэх буцалж байгаа тухай шог өгүүллэг бичсэн. Бодит байдал бол эсрэгээрээ сумын сургууль огт халдаггүй, хүүхдүүдийн үзгэн дэх бэх бараг л хөлдчихдөг байсан хэрэг л дээ. Тэгтэл сумын шинэ жилд бүжиглэх л гэж ирдэг хүмүүс, бүжгээ мартаад миний ханын сонин дээр овоороод инээлдээд байсан. Тэгээд л сумын ард түмэнд шог өгүүллэг хүргэж болсон юм яагаад төвийн сонинд бичиж, зурж болдоггүй билээ гэх зориг орсон. Гуч дөхсөн насандаа анхны шог зургаа “Өнөөдөр” сонинд, шог өгүүллэгээ “Улс төр” сонинд хэвлүүлж байлаа.

-Уран бүтээлд замчилсан багш тань хэн бол?

-Дамдинсүрэнгийн Сэрээтэр гэж Говь-Алтайн яруу найрагч, сэтгүүлч хүн бий. Түүний эрхлэн гаргадаг “Цахиур Төмөр” сонинд би анхны бүтээлүүдээ гаргаж энэ сониноор хүмүүжсэн хүн. Дараагийн нэгэн том багш бол Бадам-Очирын Галаарид анд минь. Хөлд орж, тэнцэж ядсан анхны сурвалжлагаа биччихээд очиход минь “Овоо шүү” гэж урам өгсөн хүн. Миний гаргасан бүх номыг шүүн тунгааж, “Хэцүү анги”-ийг бичиж байхад минь том зөвлөх болж байсан эрхэм дээ. Самандарын Цогтбаяр зураач бол миний шог зургийн багш, “Тоншуул” сэтгүүлдээ том албан тушаалд авч намайг бойжуулсан буянтан. Цогоо ах, Галаа хоёрыгоо би багшаа гэж боддогоо огт хэлээгүй яваа. “Өдрийн сонин”-оор улс даяар зарлан байж хэлэх билэг ерөөл тохиолоо. Одоо эндээсээ гараад албан ёсоор хадгаа барьж очно оо. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн, МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийнхэн бол миний сэтгүүлзүйн багш нар.

-Эр хүн амжилттай яваа бол ард нь заавал нэг бүсгүй байдаг гэдэг. Гэр бүл, эцэг эхийнхээ тухай яривал?

-Миний хань Ш.Цэвэлмаа гэж бүсгүй бий. “Таван Богд Вашёкү” компанийн хүний нөөцийн менежер, миний бүтээлийн том “шүүмжлэгч” хүн дээ. Бидний мэдэх “Нагоми”, “Сакура” гээд ресторануудын сүлжээнд хэн ажиллахыг мэддэг ажилтан нь. Харин аав ээж хоёр минь хоёулаа багш хүн. Аав Б.Алтангэрэл Говь-Алтайн Боловсролын хэлтэст 1990 оныг хүртэл ажилласан, сүүлд аймгийн нэгдүгээр сургуульд багшилсан, ээж Х.Загдаа аймгийн нэгдүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар насаараа ажилласан хүн бий. Намайг ганган дэгжин хувцсаар биш шүүгээ дүүрэн уран зохиолын номоор гоёж өсгөсөн бурхад. Ээжийн захиалсан “Цог”, “Тоншуул” сэтгүүлийн шинэ дугаар ирэхэд одооны хүүхдийнхээр бол “Коби” цувралын шинэ пүүз авахуулчихсан юм шиг л баярладаг хүүхэд явж дээ.

-Уран зохиолд аав ээж дуртай болгожээ. Харин шог зураг руу яаж яваад татагдчихсан юм бол?

-Хүүхэд байхдаа зурдаг, улсын уралдаанд гуравдугаар байрт ч шалгарч байлаа. Гэтэл тэр үед “Залуу зохион бүтээгч” дугуйлан гэгч гарч ирээд намайг зургийн дугуйлангаас урвуулчихсан. Аравдугаар анги төгстөлөө нисэхийн зохион бүтээгч болно гэсэн хэт дэвэргэн мөрөөдөлтэй явжээ. Намайг суут зохион бүтээгч болчихоор миний онгоцыг хийх гэж Монгол Улсын гурван сая хүн бүгдээрээ нисэхийн үйлдвэрийн салбарт ажиллах байсан юм уу. Хожим шог зургийг 1998 оны үеэс зурж эхэлсэн. 2004 оноос “Тоншуул” сэргэхэд баярлаад л зургуудаа илгээдэг болсон хүн дээ. Одоо бол “Mongolian Economy” сэтгүүлд шог зургуудаа тогтмол нийтлүүлж байна.

-Таныг бас комикс зураад байгаа гэж сонссон.

-Хүүхдийн “Hero” гээд комикс цувралд зохиолч, зураачаар ажиллаж байна. Нэртэй шог зураач Л.Өлзийбат ах, зураач Б.Цолмонбаяр нартай хамтарч энэ цувралаа гаргадаг. Нийт 20 цуврал гаргахаар төлөвлөснөөс одоо долоо дахь ном дээрээ ажиллаж эхэллээ. “Hero” маань удахгүй телевизийн зурагт зохиомж болохоор яригдаад байгаа. Монголчууд XIII зуунд яагаад хүчирхэг болсон, тэр үеийн баатрууд яаж аж төрж, тулалдаанд хэрхэн ухаан зарж, ялалт байгуулдаг байсан тухай өгүүлдэг. Хүүхдүүдэд мэдлэг олгож, зөв хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор бүтээгдсэн ном юм.

-Сүүлийн үед ямар шинэ кино бичив?

-МҮОНТ-д залуусын сэдэвтэй кино бичсэн, тун удахгүй зураг авалт эхэлнэ. Турк улстай хамтарсан, олон улсын төсөл болж байгаагаараа онцлог. Эртний баатрууд ч мэр сэр үзэгдээд, орчин үеийн залуусын хайр дурлал ч буцлаад байхаар өвөрмөц бүтэцтэй зохиол хийсэн. Манай киноны гол дүр хамтлагийн гоцлол дуучин, бүдүүка хочтой хөдөөний гэж адлагдсан мяраалаг охин тэмцэж, унаж боссоор том од болно. Кино хийх явцтай зэрэгцээд хамтлагаа шалгаруулаад явчихна. Уртын дууны микс хувилбаруудыг гаргаж орчин үеийн хөгжимтэй дуулуулна. Залуусыг солонгос дуу биш өөрийн дуугаа шүтдэг аялдаг болгох нь бидний нэг том зорилго.

-Үнэхээр сайхан зорилго тавьжээ. Ингэхэд та өөрөө уртын дууны хоббитой байх аа?

-Сонин шүү, наяад оны сүүлээр би Орост сурч байхдаа уртын дуунд гэнэт дурлаад эхэлсэн. Бусад оюутнууд шиг “Битлз”, “Смоуки” сонсоод л, диско хөөгөөд явдаг ч өрөөндөө ганцаараа үлдсэн үедээ уртын дууны пянз тавьчихаад бодол болоод хэвтэнэ. Галаарид бид хоёр өөр сургууль хэрнээ оюутны байр ойрхон, ердөө л замын хоёр талд амьдардаг байлаа. Галаа надаар дуулуулаад л сонсоод л суудаг, би “мундаг” уртын дуучин уригдаад л. Эхэндээ буруу зөрүү дуулсаар сүүлдээ ямар ч гэсэн хэдэн дуу аялжсурсан. Найранд очвол дуугүй дүмбийж суухгүй л хүн.


Categories
мэдээ цаг-үе

А.Бат-Эрдэнэ: Шог зураачид бол нийгэмд инээд бэлэглэдэг шидтэнүүд

Хошин урлагийн шилдгийг тодруулах “Азтай бадарчин-2017” наадмын алтан цомын эзэн, шилдэг шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэтэй хөөрөлдлөө.


-“Азтай бадарчин” наадмын алтан цомын эзэн болсонд баяр хүргэе. Шог зургийн моринд дөрөөлөхөд хэн танд жолоо цулбуурыг нь атгуулав?

-“Азтай бадарчин” наадмыг одоогоос 26 жилийн өмнө зохион байгуулж анхны алтан цомыг нь гавьяат жүжигчин Б.Батзаяа гардаж байсан юм билээ. Энэ жил хошин шогийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчин, шилдэг шог зураач, шилдэг хамтлаг гэсэн дөрвөн номинациар “Азтай бадарчин”-гууд тодорлоо. Анх намайг шог зурагт уруу татсан хүнийг аавыгаа гэж боддог. Цэцэрлэгт байхаас минь л “Зөвлөлт Холбоот Улс” сэтгүүлийг цүнхэнд хийгээд өгчихдөг байв. Тэр үед аавд хот хүрээ рүү ямар нэг хуралд оролцоход том цүнх өгдөг байж. Нэгдлийн дарга хүн байсан юм л даа. Тэр цүнхэнд амьхандаа л өмч таслан ЗХУ, Вьетнамын дайн, Херлуф Бидструпын уран шог, Байды ахын 100 шог зэрэг янз бүрийн ном хийнэ. Цэцэрлэгээс ирээд хийх зүйл байх биш нөгөөхөө л эргүүлж тойруулна. Цаас, харандаа аваад Вьетнамын дайчдыг хооронд нь байлдуулж зурна. Цэцэрлэгийнхээ ахлах бүлгийн зургийн аварга нь болж байсан минь санаанаас гардаггүй юм. Тэр урам зоригоороо нэгдүгээр ангиасаа зураг зурж эхэлсэн. Зургийн уралдаан л зарлавал оролцчихсон л явна. Харин бусад хичээлдээ ёстой таг. Сургуулиа төгсөхөд жүжигчний юм уу, зургийн ангид орох сонголт миний өмнө байлаа. Багшийн дээд сургуулийн зургийн анги ирэхэд 127 хүүхдээс 123 дугаар байрт арай гэж багтан орж билээ. Харин ур чадвараараа бол дээгүүр оноо авсан. Ерөөсөө л зургийн чиглэл хөөх хувь заяатай байжээ гэж өөрийгөө боддог.

-“Азтай бадарчин”-г ямар шалгуур даван байж атгав?

-Цахим ертөнцөөр эхний шалгаруулалт явагдсан. Харин сүүлийн шатанд тайзан дээр шууд зурсан. Шүүгчээр урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр, төрийн шагналт зохиолч, “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч Б.Цэнддоо, төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Хулан, Нийслэлийн боловсрол, соёлын газрын ажилтан нарын таван хүнээс гадна үзэгчдийн дундаас хөндлөнгийн таван шүүгч томилж олонхийн саналаар ч гэх үү, миний “Инээд ба шагнал” бүтээл шалгарсан. Хүн хүнээ л ялгадаг болохоос урлаг авьяасыг ялгаварладаггүй юм байна. Шог зургийн төрөлд арваад зураач өрсөлдсөн. Бүгд л миний найз нөхөд, бийр будаг нэгтнүүд маань юм. Шог зураг ямар ч нийгэмд шударга ёс байх ёстой гэсэн сэдвийг л байнга хөнддөг. Тиймээс шагнал авахын төлөө биш жинхэнэ урлагийн төлөө шударга туурвицгааж, миний эл шагнал Монголын шог зураачдад булган сүүлтэй байх болтугай гэж ерөөе.

-Та аль нутаг усны хүн билээ?

-Би Дундговь аймгийн Хулд сумын хүн. Манай аав 1945 оны дайнд оролцож явсан юм билээ. Арын тал хангамжийн Адьяа гэхээр андахгүй. Зарим хүн таньдаг юм. Хошууч цолтой, өвчний улмаас армиас халагдсан. Хязгаарт бас үүрэг гүйцэтгэсэн хүн. Ээж маань аавтай дайнаас өмнө ханилсан юм гэсэн. Хөнгөн шингэн хүн байж билээ. 94 нас хүрээд бурхан болсон. Би хамгийн бага нь болохоор их эрх. Манай аав, ээж хоёр заставт ажиллаж байсан юм гэсэн. Ээж нэг удаа жалганд бие засч байтал шувуу шиг юм шоволзож гэнэ. Тэгэхээр нь нүдний булангаар нэг хүн байгааг заставтаа хэлж улмаар тэр тагнуулыг барьж байсан гэдэг юм. Амьд байхад нь энэ тухай сонинд нэг удаа ч болтугай яриулчих минь яав даа гэж харамсаж суух юм. Одоо харин хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн “Ээжтэйгээ байхад баян байсан” гэх шүлгийг уншаад өөрийн эрхгүй уйлна. Ээжийн тухай дуу сонсоход бас л эвгүй болно.

-Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвэгийн Байды таны багш гэдэг байх аа?

-Хулд сумаас дөрвөн ч шог зураач төрсөн байдаг юм. “Тоншуул” сэтгүүлийн хэд гэхэд л 20-иодхон хүн байдаг. Тэдний дөрөв нь манай сумаас төрсөн гэдгээр би бахархдаг. Алдарт Байды нутгийн ах төдийгүй багш минь байгаа юм. Нутгаасаа хар багаасаа гараад явчихсан. Би бол багшийнхаа буянаар “Тоншуул” сэтгүүлтэй хувь заяагаа холбосон дунд үеийн төлөөлөгч.

-Шог зураач гэдэг ер нь хэн юм бэ?

-Хошин шог урлаг нэгэн үе хаягдсан. Дөрөвдүгээр сарын 1-ний өдөр улаан хивсний ёслол болж байлаа гэхэд л шог зураач дотогш орох эрхгүй байдаг байсан нь нууц биш. Эрт үед хааны хажууд байдаг алиа салбадай хааныг баясгаж, бүүр шүүмжилж байсан ч хаад алиа салбадайгаа цаазалж хороодоггүй байсан. Тэр хаад инээд гэдэг ямар ч алт эрдэнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэдгийг мэдэрсэн ухаантнууд байж. Би шог зураачдаа алиа салбадай гэж байгаа юм биш. Хамгийн гол нь нийгэмд инээд бэлэглэдэг ховорхон хүмүүс гэж өргөмжилж байгаа хэрэг.

-Хэдэн оноос хэвлэлд бүтээл чинь нийтлэгдэж эхлэв дээ?

-Би 1983 онд анхны шог зургаа “Эрүүл мэнд” сонинд өгч хэвлүүлсэн. Тэр үед оюутны сарын стипенд 200 төгрөг байсан. Улаанбаатар зочид буудлын хуйцаа зургаан төгрөгийн үнэтэй. Шог зураг маань хэвлэгдсэн чинь шагналд нь 75 төгрөг ирлээ. Хөдөөний хүүхэд мөнгөгүйдэж гачигдахын зовлонтой ч шог зураг зураад мөнгө олоод байж болох юм байна гэж оюутан байхдаа амтшиж эхлэхгүй юү. Багшийн дээдийн зургийн ангид сурч байхдаа эхнэртэйгээ танилцаж, хоёр сайхан үрийн эцэг, эх болцгоосон.

-Төгсөөд шууд л “Тоншуул” сэтгүүлийн зураач болсон уу?

-Дундговь аймгийн Гурвансайхан суманд багшилсан. Эхнэр, хүүхэд маань хотод болохоор маш их ганцаардаж гансарна. Энд ажиллаж аж төрөхдөө л урлаг бол мөнгө олох хэрэгсэл биш хүмүүний аж төрөхүйн мөн чанар, утга учир болохыг таньж мэдэрсэн.

-Яаж мэдрэв?

-Гурвансайханы номын лангуун дээр тоосонд дарагдан хэвтэж байгаа олон номон дундаас яруу найрагч Очирбатын Дашбалбарын “Оддын аялгуу” шүлгийн түүвэр, Америкийн зохиолч Жек Лондоны “Мартин Иден” романыг олж авсан минь миний амьдралыг цоо шинэ утга учиртай болгосон. Тэр их ганцаардал дунд энэ хоёр номоос би урлагийн гайхамшгийг олж харсан. Тэнд би хичээлээ заачихаад өдөр шөнөгүй зургаа зурахдаа жинхэнэ урлаг гэдэг халтуур биш юм байна гэдгийг мэдсэн.

-Тэр үед хотод ажилд орно гэдэг тэнгэрийн умдаг атгахын дайтай хэцүү байсан гэдэг. Улаанбаатарт яаж нэг орж ирэв?

-“Тоншуул” сониноос Ц.Байды багшаас захиа их ирнэ. Хүүхдийн номын зургийн том мастер С.Идэрхангай гэдэг хүнээс Боловсролын яамны “Оюун түлхүүр” сэтгүүлд зураачаар ажиллах санал албан бичгээр ирэхэд магнай хагарам баярласан. Хотод ирнэ гэдэг үнэхээр сайхан байлгүй яахав. Зуун дөчөөд мянган хувь хэвлэгддэг “Хөдөлмөр” сонинд Тангадын Мандир багш маань миний зургуудыг тэргүүн нүүрэн дээр хэвлүүлдэг байлаа. Тэгж л Монголын зургийн их урлагт орж ирсэн хувь тавиландаа би их баярладаг. Тэр үед “Оюун түлхүүр” сэтгүүл далан таван мянга, “Тоншуул” сонин далан мянган хувь хэвлэгддэг байсан. Ерэн оноос хойш хүүхдийн “Соно”, “Мөөжиг жөөжиг” сэтгүүлүүдийг нөхдийн хамт гаргаж нэг хэсэг явлаа. Амьдрал хэдий хэцүү ч би амьдралын гүнээс дандаа л аз жаргалыг хайж харж явдаг өөдрөг хүн. Цогтбаярын Жандал гэж Монголын нөхөрсөг шог зургийн их мастер өнөө хэдий үгүй ч ачийг нь мартвал түүн шиг нүгэл хаа байх билээ. Надад их урам онгод хайрласан энэ л хүмүүсийнхээ ачаар өдий зэрэгтэй явна. Шог зураг бол их зөрүүд урлаг. Тиймээс шударга сайхныг л дандаа төсөөлж явах учиртай.

-Өдий олон жилийн уран бүтээл овоо олон болоо биз?

-Их юм хийсэн. Нэгтгэж аваад шог зургийн ном гаргах юмсан гэж бодож байгаа. Гэхдээ хийсэн гэхээсээ илүүтэйгээр хийх юм их бий. Миний тэтгэвэрт гардаг гэж юу байхав. Улсад угаасаа албан ёсоор таван жил ажилласан уу, үгүй юү хүн шүү дээ. Тиймээс хийсээр, зурсаар байх болно. Цаашдаа сэтгэлгээний шог зургийг түлхүү зурна гэж бодож байгаа. “Монголын мэдээ” сонинд нэг жил орчим ажиллахдаа бараг 500-гаад зураг зурсан байж билээ. Тэгэхээр багагүй бүтээл бий болов уу. Би ер нь зохион байгуулалтгүй, юмаа цуглуулдаггүй нөхөр байгаа юм. Аа, харин хүүхдийн ном олныг хийсэн. УИХ-ын дөрвөн ч парламентыг дамжин нөхөрсөг элэглэл хийсэн. Мөн УИХ-ын гишүүн С.Ламбаатай хамтран үзэсгэлэн гаргасан. Парламентын зураач гэхээр шахуу нэг хэсэг ажилласан байх юм.

-УИХ-ын гишүүдийн зурагтай хөзөр хийсэн нь олонд бас нэлээд хүрэх шиг болсон?

-Дандаа л дарга нар зурахын оронд намайг зураач гэх нэгэн байдаг л юм. Одоо харин ард түмнээ зурж сууна.

-Зуруулах янз бүрийн захиалга их ирнэ биз. Хамгийн сонин содон захиалга юу байв?

-Японы Элчин сайд консулуудынхаа дарга нь юм билээ. Нутагтаа буцаж байгаа хүн болгоныг надаар зуруулдаг уламжлал тогтсон. Монголд ирсэн Элчин сайд болгоныг миний зургаар үддэг уламжлалтай. Монголд ирээд буцсаныг нь баталж аль болох дуртай, дурсгалтай зүйлийг нь би ч шигтгэж өгдөг. Элчин сайдууд ч өөрсдөө хүлээдэг болсон сурагтай байна. Мөн олон улсын нэртэй удирдагчдыг зурж үзсэн. Монгол зураач гэдгээ харуулж, гаргах гээд байгаа хэрэг л дээ. Тухайлбал, В.Путинд жанжин малгай өмсгөж зурсан.

-Та өөрийгөө янз бүрээр зурсан харагддаг. Энэ шувуу болгож зурсан нь ямар учиртай вэ?

-Залуучуудын холбоонд ажиллаж байхад туранхай болохоор нэг л урагшаа хамар, хоёр шанаа харагддаг учир намайг “Нугасны муухай дэгдээхэй” гэдэг байсан юм. Түүнээс үүдэлтэй зураг. Тарган галуу байгаа юм. Болоогүй ээ, тамхи зуучихсан байгаа биз.

-Таныг “шарз” буюу нөхөрсөг шогийн мастер гэдгийг хүмүүс мэднэ. Нийт хэдэн хүний хөрөг зурсан байх юм?

-Би тооцоо гаргаж бодсон чинь жирийн ардаас эхлээд алдар цуутнууд, улс төрийнхөн гээд нийт 5000 орчим хүний хөрөг зурсан байна. Нийгмийн бүх л салбарынхныг зурж. Би нийт дөрвөн парламентын гишүүдийг зурсан. Шог зураг бол нийгмийг эрүүлжүүлэх ганц зэвсэг гэдгийг манайхан хараахан ойлгохгүй байна. Гэхдээ нэг үеийг бодвол урлаг ойлгодог болох шинжтэй.

-Хүний сэтгэлд хүрсэн бүтээл гэж байдаг даа?

-Олонд хүрсэн нь 76 гишүүний зурагтай хөзөр. “Гишүүдийг зурдаг зураач уу” гээд л хүмүүс угтана шүү дээ. Тэр хөзрөөр тоглохоор их сонин тоглолт болно л доо. Зарим нь “Чи болиоч. Юу гэж Гүндалайг Алтанхуягаар даруулах юм” гэх жишээтэй. Гилийн боол, цэцгийн ноён гэж ярихаасаа илүү Ц.Нямдорж, Д.Арвин гэж хөзрөө нэрлээд л тоглож байгаа харагддаг. Зарим нь хадганд боож нандигнаад авдартаа хийчихсэн байхтай таарч байсан. Би таньдаг малчиндаа хөзөр өгсөн юм. Гэтэл нэг өдөр “Дорж гэдэг юм Н.Энхбаярыг авч явчихаад авчирч өгөхгүй юм” гээд л яриад байна. Тэгсэн нөгөө хөзрийнх нь улаан хүнийг л аваад явчихсан хэрэг. Тухайн үед улаан хүнийг нь Н.Энхбаяраар, хар хүнийг нь Ц.Элбэгдоржоор зурчихсан байсан юм. Хүмүүс их сонин юманд дуртай л даа.

-Шүүмжлэлд хэр их өртөж байв?

-Шүүмжлэлт зураг дээр тийм юм их гардаг байсан. Социализмын сүүл үе л дээ. Тухайн үедээ их зөрчилдөнө. Тухайлбал, би яст мэлхий тролейбус дээр зурчихсан чинь “Монгол, Зөвлөлтийн найрамдлаар бүтсэн нийтийн тээврийн хэрэгслийг удаан гэж шүүмжилж, гаж юм зурсан байна. Ирж хурлаар ор” гэж дуудаж байлаа. Мөнхбат, бид хоёр П.Жасрай гуайг сармагчин болгоод зурчихсан чинь жаахан эсэргүүцэлтэй тулгарсан. П.Жасрай гуай харин ухаантай хүн байсан учраас биднийг аварч байсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Амьд домог болсон Арвай генералынд өнжив

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ням гаригийн амралтын өдөр цэрэг армийнхны хувьд домог болон яригддаг нэгэн эрхмийнхийг зорилоо. “Олимп” хотхоны шинээр ашиглалтад орсон, наран талдаа цонхтой тохилог байранд саяхан ороод байгаа айл бол Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, дэслэгч генерал, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн тэргүүлэгч ба жинхэнэ гишүүн, академич, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Шавийн Арвайнх юм. Гэрийн эзэн, гэргийн хамт хоёулхнаа ажин түжин, амар жимэр аж төрдөг ажээ. Тэднийх эл хотхонд Таван шарынхаа байрнаас нэг ёсондоо отрын маягтай ирээд байгаа аж. Шавийн Арвай генерал гэрийн чөлөөт хувцастай уриалгахан угтаж байна. Тэрээр дорноговийн Эрдэнэ сумын нутаг Богийн гашуун хэмээх газар 1938 онд төрсөн, эдүгээ наян насны босго алхаад буй хүн юм. Тэрээр “Би малчин удмын хүн, ядуу айлын хүүхэд, ээж, эмээтэйгээ өссөн. 1947 онд есөн настайдаа сумынхаа бага сургуульд анх орж, аймгийн дунд сургуулийн долоодугаар анги төгсөөд арван таван наснаасаа Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт ажилласан.

Нам төр, Монголын Ардын армийн удирдагчдын хамт

1952-1954 онд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг орос нөхөд маань барьж байгуулсан. Тэр үйлдвэр Монголынхоо хэрэгцээг бүрэн бус ч гэсэн хангадаг байлаа. Үлдсэн шаарыг нь нэрээд кокс болгоод ашигладаг байсан. Энэ үйлдвэрт ажиллаж байхдаа Тусгай мэргэжлийн сургууль төгсөөд нефтийн үйлдвэрт сантехникчээр ажиллаж байлаа. 1956 онд орос нөхөд маань төмөр замын олон өртөө барьсан. Би 1954-1958 он хүртэл Улаан-Уулын төмөр замын өртөөнд ажиллаж байгаад сайн дураараа цэрэгт явлаа” гэж тэртээ өнгөрсөн залуу насандаа очив уу гэмээр харц нь гэрэлтээд ирэв. Өдий хэрийн насны хүн гэхэд залуусаас дутахгүй хөнгөн шингэн хүн юм. Жирийн малчны хүү Ш.Арвай 1958-1960 онд эх орны умард хил Сэлэнгийн байцаан өнгөрүүлэх боомтод эр цэргийн албаа нэр төртэй хааж эхэлжээ. Говь нутгийн бор хүүгийн амьдралын замнал ийнхүү Монгол Улсын дархан хил, батлан хамгаалах үйл хэрэгтэй холбогдож өнөөгийн өндөрлөгт хүрэх харгуйн эхэн болжээ. Хилийн цэрэгт алба хааж байхдаа тэрээр ЗХУ болон БНМАУ-ын онц хилчин цол, тэмдгийг гардан авч, улмаар 1960-1963 онд Москва хотноо Хилийн цэргийн дунд сургуульд суралцан онц дүнтэй төгссөн аж. Арвай генерал биднийг ийн хөөрөлдөн суухуй гэргий Даваасүрэн нь хоол унд бэлтгэн, бас ч ханийнхаа залуугийн дурсамжийг өөрөөс нь илүү өгүүлэх нь ханьдаа хэчнээн сэтгэлтэйн илэрхийлэл буюу. Генералын алтан мөрдэст хүрэм хананд өлгөөтэй, өргөн улаан туузан чимэгтэй өмд нь шинэхэн юм шиг индүүдлэгтэй буйдангийн түшлэг дээр тохоостой. Хилийн цэргийн дунд сургууль төгсөж ирсэн “будаг нь ханхалсан” залуухан офицер 1964-1967 онд НАХЯ-ны Хилийн хэлтэст туслах офицероор ажиллаж эхэлжээ. Төдий удалгүй 1967-1970 онд Фрунзийн нэрэмжит команд штабын академийг төгсөн, Замын-Үүд дэх хилийн 12 дугаар отрядад штабын дарга, отрядын даргаар ажиллаж, 1975-1976 онд Халх голын отрядыг байгуулан, 1976 онд Хилийн ба Дотоодын цэргийн хэргийг эрхлэх газрын нэгдүгээр орлогч даргаар ажиллажээ. 1976-1982 он хүртэл НАХЯ-ны нэгдүгээр орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийг удирдах ерөнхий газрын дарга, 1982-1984 онд Москвад Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцан, цэргийн шинжлэх ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Арвай генерал ажаад байхад илүү дутуу зангаа дохиогүй, үг яриа нь эрдэмтэн хүн болохоор ч тэр үү, ямар ч сул хийгүй хүн юм.

Тухайн үеийн ЗХУ-ын цэргийн сургуулиудад “Монголын Арвай шиг сур” гэсэн уриа гарч байсан гэдэг. Энэ тухай эрхэм буурлаас асуувал даруухнаар инээвхийлж “Миний сайных юу байх вэ. Манай монголчууд оюуны их чадавхитай, эрч хүчтэй ард түмэн. Цөөхөн хүнтэй, хоёр том гүрний хооронд оршдог хэдий ч оюун ухаанаараа их гайхагддаг. Лодонгийн Түдэв гуайн судалгаанд тулгуурлан ярья л даа. Монгол хүн бүхэн агуу их оюуны чадавхитай, тархи нь дэлхийн бусад орны хүмүүсийн тархинаас жингээрээ илүү гэдэг. Би ЗХУ-ын сургуулиудад гурван удаа явж суралцсан. Алинд нь онц сурдаг л байсан. Хамгийн гол нь Монголоос очсон хүмүүсийн ахлагч нь болно. Фрунзийн академид, Жанжин штабын академи суралцаж байхдаа гадаадаас сурдаг улс орны сонсогчдын факультетийн ахлагч байлаа. Тэгэхээр миний хувьд зөвхөн сурах биш, дадлага хийгээд удирдаад яваад байсан. Монгол цэрэг хүний бие биендээ захирагдах чадвар, спорт, урлагийн тэмцээнд идэвхтэй оролцож тэргүүн байр эзэлдэг байсан зэргээс таны хэлсэн дээрх үг урган гарсан болов уу” гэж байна.

Монгол эр хүн бүхний бахархал болсон цэргийн өндөр албанд түүн шиг чин сэтгэлээсээ зүтгэсэн хүн тийм ч олон байхгүй биз. Тэрээр 1984-1986 онд БХЯ-ны Зэвсэглэл техник хариуцсан орлогч сайдын алба хашиж байгаад 1986-1990 он хүртэл НАХЯ-ны орлогч сайд, Хилийн ба Дотоодын цэргийн Удирдах газрын даргаар ажиллаж байгаад 1990 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр бэлтгэлээр халагдаж, гавьяаныхаа амралтанд гарсан байна. Арвай генерал ээж (Дэжид)-ийгээ их ухаантай хүн байж гэж байна. Учир нь хүүгээ цэргийн том цол хүртэн, өндөр албан тушаал хашиж эхлэхэд “Тэр их өндрөөс буухад хэцүү байдаг юм шүү” гэж захиж байсан аж. Арвай гуай эхээс долуулаа агаад эгч нар нь бүгд бурхны оронд одож, ганцаар үлджээ. Ээж нь ная гаруй насандаа орчлон сэлгэсэн байна. Олон жил хариуцлагатай ажил эрхэлж байсан Арвай хэдий халагдсан ч гэсэн гар хумхин суусангүй, харин ч өөрийн мэдлэг, туршлагаа эх орон, ард түмэндээ зориулахаар эрдэм шинжилгээний ажилтан болов. Батлан хамгаалахын их сургуулийн Хилийн цэргийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оноос Хууль сахиулахын их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн дарга, эрдмийн зөвлөлийн болон магистрын зөвлөлийн гишүүн болжээ. Монгол Улсад өнөөгийн байдлаар дэслэгч генерал цолтой хүн маш цөөхөн буй. Ш.Арвайн хувьд хошууч генерал цолыг 1976 онд авч, гуравхан жилийн дараа дэслэгч генерал цолонд хүрч байж. Эдүгээ эсэн энх байгаа генералуудаас хамгийн анх эл цолыг авсан хүн гэж байгаа. Хэрвээ бөхөөр харьцуулж үзвэл зүүний магнайг тэргүүлэгч далай дархан аварга гэсэн үг юм уу даа. Мань эр АИХ-ын депутатаар хоёр ч удаа сонгогдож байсан МАХН-ын Төв хорооны орлогч болон жинхэнэ гишүүн байсан хүн юм.

Б.Даваасүрэн гавьяат багш цолоор шагнуулав. 2017.02.23

Гэргийгээ бууз шаран ирэх зуур Арвай гуай удам судраа ярьж байна. “Би угаасаа хилчин удмын хүн. Миний ээжийн талын өвөө Шавины Дорж 1907 оны үес одоогийн Замын-Үүд буюу Галт хэмээх өртөөнд хилийн цагдаагаар ажиллаж байсан гэлэн мяндагтай хүн байсныг саяхан архивын баримтаас мэдэж авсан. Миний Шавийн хэмээх овог чинь энэ хүнээс улбаатай юм. Тэр үед өртөө, харуул хоёр хамт байсан юм билээ. Миний төрсөн эцэг Рэнцэн лам хүн байсан учраас хэлмэгдэлд өртөн арван жил суугаад 1947 онд шоронгоос гарч “Хүүгээ эсэргүүний хүүхэд гэж хувь заяаг нь харлуулаад яах вэ” гэж ээжтэй ярин туурга тусгаарласан байдаг. Намтарт маань намайг бутач гэдэг ийм учиртай юм. Бидний үеийн олон хүний үр ийм гашуун хувь тавилантай байсан даа” гэж цаанаа л нэг санаашрангуй өгүүлэв. Ш.Арвайн гуайн гэргий Бадрахын Даваасүрэн гэж хөнгөн шингэн хөдөлгөөнтэй хөгшин байна. “Эгч нь Нийслэлийн 28дугаар дунд сургуульд суралцаж төгсөөд, багш мэргэжил эзэмшин төрөлх сургуульдаа эргэн ирж бага ангийн багшаар тасралтгүй дөчин жил ажиллалаа. Эцэг эхээс дөрвүүлээ” гэвэл хань нь “Манай хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар саяхан хоёрдугаар сарын 23-нд Монгол Улсын гавьяат багш цолоор шагнагдсан хүн дээ” гэлээ. Даваасүрэн гуай зургаа авахуулахдаа гавьяатын тэмдэгтэй дээлээ өмсөн энгэрт нь гялалзах одонгоо зааж “Ерөнхийлөгч зүүж өгсөн яг л тэр хэвээрээ байгаа нь энэ. Гавьяат цолны цайллагаа энэ сарын долооны билэгт сайн өдөр “Чингис” зочид буудалд хийх гээд бөөн л ажилтай сууна. Өнөөдөр урилгаа хэвлэлтээс авч тараах ажилтай” гэхдээ нэг л догдлонгуй.

Санамсаргүй ярьж суугаад Арвай гуайн нэгэн авьяасыг “нээн илрүүлэв”. Миний нээлт ч юу байх вэ дээ, гэргий нь л ханиа “Хүүхдүүдэд ая тоглож өгөөч” гэснээр түүний ямар мундаг хөгжимчин болохыг мэдрэв. Саарал хайрцагтай баянхуур хөгжим Арвай гуайтай Москвад сурч байсан залуу цагаас нь нөхөрлөжээ. Буурал генерал хөгжмийн товчлуур дээгүүр хуруугаа бүжүүлэн дарахад гэргий нь хүүхдийнх шиг цовоо цолгиун дуугаар

“Баясан баясан нялхрах амрагийн сэтгэл ээ хө

Балтай сар нь ганцхан хайрын жам аа хө

Зөв, буруу нэгтэй амьдын заяандаа

Зөөлөн зөн нь илхэн бүсгүй ааль аа хө

Цэнгэн цэнгэн хэнзлэх залуугийн сэтгэл ээ хө

Цэцгэн сар нь гуравхан орчлонгийн жам аа хө

Алдавч, оновч туулах амьдын заяандаа

Аргадаж гуйх нь гэнэхэн бүсгүй ааль аа хө” гэж яруу найрагч Чимэдравдангийн Мягмарсүрэнгийн шүлгээр бүтсэн сайхан дууг Энхзул гавьяатаас дутуугүй цэнгэнүүлдэг юм байна. Арвай гуай гуч гаруй дуу, шүлэг багтаасан “Миний нутгийн гайхамшиг” нэртэй цомог гаргасан нь одоо олдохоо больсон аж. Энэ цомогт нь орсон “Мартахын аргагүй маргад эрдэнийн орон” найргийг нь Даваасүрэн гуай баянхуурын эгшгээр дэвсгэр хийж байгаад яруухан уншлаа. Бид ч айлд өнжих гэж ир лүү, уран сайхан ардын авьяастнуудыг бишрэх гэж ирэв үү гэж гайханхан саатав.

Эрдэмтэн Ш.Арвайгийн бүтээл хоёр зуу гаруй болжээ. Үүнд, эрдэм шинжилгээний бүтээлүүдээс эхлээд уугуул нутгийнхаа тухай туурвисан “Цогтой гүний домогт хязгаар Эрдэнэ сум” хэмээх дөрвөн зуу гаруй хуудастай томоохон ном ч багтах аж. Бид ийн ярилцаж суутал утас нь дуугарлаа. “Үүдэнд ирээд дохих уу” гэж байна. Тэгэх нь ээ, “Суварган цэнхэр уулс” уран сайхны киноны зураглаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Зундуй гуайн тухай нэвтрүүлэгт оролцуулахаар урьж унаа илгэжээ. Тэрээр генералын алтан мөрдэст төрийн хувцсаа өмсөж байхдаа ч цагийг ашиглан үр хүүхдийнхээ тухай “Ах нь таван хүүхэдтэй. Ууган маань бурхан болсон. Хүү Баатар маань 0151 дүгээр ангийн жолооны сургуулийн захирлаар ажилладаг хурандаа хүн бий. Охин Мөнгөнтуяа маань Багануур дахь 0252дугаар ангийн архивын тасагт ажиллаж байгаа. Нэг охин маань эмээ болж ач зээдээ дарагдсан хүн гэр-цэцэрлэгтээ л бужигнаж байна. Би чинь олон ч ач зээтэй боллоо” гэж байлаа. Ёслолын хувцсаараа гоёж гангарсан тэрээр гутлаа өмсөхдөө ер түүртэж барьсан шинжгүй үдээсээ хээвнэг тонгойж үдэж байгааг харахад юм л бол сандал хайж гүйгээд байдаг үе насныхныхаа өмнөөс ичмээр ч юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Өдий ная хүрчихээд цэл залуу насны аагаар цэмбэлзэж явна гэдэг сайхан хувь юм даа.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан-Эхийн Баярт: “Уурга” кинонд тоглохдоо хорин найман настай байсан

Оросын алдарт найруулагч Никита Михалковын 1991 онд бүтээсэн “Уурга” кино Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал авч, 1993 онд Европын шилдэг киногоор шалгаран, Европын киноны “FELEX” шагнал, мэргэжлийн “Ника” шагнал хүртсэн түүхтэй. Эл кино тухайн жилдээ дэлхийн кино урлагийн хоёр том шагнал болох “Алтан Бөмбөрцөг”, Оскарын шагналд шилдэг гадаад хэл дээрх кино номинацид нэр дэвшиж байв. “Уурга” киноны зохиолыг Рустам Ибрагимбеков, Никита Михалков нар бичиж, гол дүрд ардын жүжигчин Владимир Гостюхин тоглож, хөгжмийн зохиолчоор Эдуард Артемьев ажиллажээ. Хятадад ажиллаж буй жолооч Сергей машинаа голд суулгах үед монгол айлын эхнэр нөхөр хоёр Гомбо, Пагма нар түүнд тусална. Гомбо Хөх хот руу оростой цуг орж ирж түүнд мөн дахин тус хүргэнэ. Оросын алдарт найруулагч Никита Михалков наяад оны дундуур энэ сэдвээр манайтай хамтарч кино хийх хүсэлт тавьсан ч бүтэлтэй хариу дуулаагүй байдаг.

Михалков Хятадад хүсэлт тавьж, үзэл сурталчдыг нь хулхидан байж киногоо хийсэн байдаг. Орос жолоочийг малчин өвөр монгол хүн аварсан тухай баримтат киноны зураг авна гэж заль хэрэглэсэн гэдэг юм. Тиймээс уг киноны зарим хэсэг баримтат кино маягтай болсон. “Уурга” тухайн үедээ дэлхийн томоохон кино театруудад гарчээ. Пагма нэрээр тоглосон жаргал эдлүүлдэг эмэгтэй болох өвөрлөгч дуучин Бадамаа манай СУИС-ийг төгсөөд Өмнөд Монголын алдарт дуучин болсон байна. Гол дүрд тоглосон Цагаан-Эхийн Баяртын хувьд ӨМӨЗО-ны Шилийн голд төрсөн монгол хүн. Дэлгэцнээ шавилхан биетэй болов уу гэмээр харагддаг ч нүүр тулаад танилцахаар Эзэн Чингисийн өрлөг баатрын шинжтэй өргөн ханхар, өндөр сайхан эр байна. Тийм ч учраас түүний дүр төрх аугаа Никита Михалковын нүдэнд өртөө биз ээ. Баярт олон жилийн өмнө Франц руу гарч одоо Испанид амьдарч байгаа юм билээ. Тэрээр ӨМӨЗО-ны олон ангит уран сайхны кинонд тоглох зуураа Монгол Улсад Парисын анд телевизийн найруулагч Б.Бат-Эрдэнэтэйгээ уулзахаар ирсэн үед түүнтэй танилцаж хөөрөлдлөө. Баярт дэлхийн хэмжээний од үзэсгэлэнт бүсгүй Францын алдарт жүжигчин Моника Беллучитай хамт кинонд тоглож байжээ.

-Таныг барууны оронд амьдардаг гэж сонссон. Монголд хэзээ ирэв?

-Монголд ирээд долоо хонолоо. Би нэг кинонд тоглож байгаа. Тэр дүрийнхээ зураг авалтыг түр завсарлуут найзтайгаа уулзахаар ирсэн. Монголын үзэгчид маань намайг сайн танихгүй байх. Монгол Улсынхаа киночидтой уулзах ажлаар ирсэн. Өмнө нь би арван хоёр жилийн өмнө нэг ирж байлаа. Миний мэргэжил жүжигчин. Миний хувьд Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны хүн. Дунд сургуулийн аравдугаар ангиа төгсөөд цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирснээс хойш жүжгийн ажилд сонирхон оролдох болсон доо.

-“Уурга” кинонд ямар тохиолоор тоглох болов?

-Тэр тухай яривал бас их урт үлгэр юм аа. Тэр чинь ерэн он юм байна. Байгууллага бүхэнд бүдүүн, ачааны машин байдаг байсан. Бүдүүн машинаараа ачаа ачиж зөөврийн орлогоороо ажилчдынхаа аж амьдралд тусалдаг байсан. Тэр үед Хөх хотоос тор түүхээр (юм ачихаар. сур) явсан юм. Ээж нуураас давс ачаад Сайханд буулган, Сайханаас буцаж ачаа ачиж ирнэ. Ирж очих замдаа нэг хоногийн газар л даа. Нэг удаа Ээж нуураас давсаа ачаад гартал бороо орж шалбаагтаад замдаа дөрөв ч хонолоо. Энэ үеэр Хөх хотын Кино үйлдвэрт ажилладаг найзтайгаа очиж уулзтал “Чи ашгүй ирчихэв үү. Гадаадын хэдэн хүн ирчихээд жүжигчин сонгож байна, юун бахтай юм бэ” гээд дагуулаад явлаа. Дагаж ороод уулзтал камер энэ тэр барьчихсан гадаадын дөрөв, таван хүн байна. Өвөр Монголын Кино үйлдвэрийн дарга Мэргэчхүү гуай “Баяртай байна аа, авиан тасгийн гол дүр” гэж танилцуулаад (пробонд оруулаад. сур) дуустал, тэр киноны дэд найруулагч нь дуулуулж зураг авчихаад явсан. Би юм бодсонгүй ээ.

-Шалгуулсан дороо тэнцлээ гэж хэлээгүй юм байна аа даа?

-Дараа өдөр нь Хөх хотоос ачаагаа ачаад, байгууллагадаа хариад хүлээж байтал хоёр, гурван сарын дараа “Танай байгууллагын хүнийг чинь сонгочихлоо, одоохон наашаа явуул” гэж утсаар ярьдаг юм. Би тэр үед хошууны Ардын төлөөлөгчийн хурлын байнгын хорооны төрийн албан хаагч л хүн байхгүй юу. Тэгээд Хөлөнбуйрт очиж гурван сар тоглон, тэр киногоо барсан. Долдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл зураг авсан юм.

-Никита Михалков гэж дэлхийд алдартай кино найруулагч. Хамтран ажиллахад хэлний бэрхшээлээс өгсүүлээд ойлголцоход хэцүү байв уу?

-Би тэр хүнийг Никита Михалков гэх тийм алдартай хүн гэж огт мэдэхгүй шүү дээ. Анх Нисэхийн буудал дээр л давхар хантаазтай нэг хүн л юм яриад л байсан. Хөлөнбуйраас явахад үлгэрийнхээ (кино зохиолынхоо) талаар л орчуулагчаар дамжуулаад яриад байгаа юм. Тэгсэн тэр хүн л Никита Михалков гуай байсан юм билээ. Тэгээд зураг авалтынхаа талаар заалгаж ойлгож аваад тоглоход нэг их бэрхшээл байгаагүй. Ер нь гайгүй шүү. Орой болгон цуглаж зохиолоо ярьж, “Амьдралаас гажуудуулахгүй үнэнд ойртуулна” гэж зөвлөж байгаад бичсэн шүү. Жүжиг нь гайгүй сайхан байсан. Би эхлээд гол дүрд тоглож байгаа гэдгээ мэдээгүй.

-“Уурга”-д тоглохдоо та хэдтэй байв?

-Хорин найман настай байсан.

-Өмнөд Монголоос туслах найруулагч хүн ажилласан уу?

-Байгаагүй. Харин туслагч гээд нэг хятад хүн байсан. Тусалж байгаа гээд гар дор нь л гүйдэг хүн. Өөрийнх нь туслах найруулагчид гээд харин гурав, дөрвөн хүн ирсэн байсан.

-“Уурга” кино Өмнөд Монголд хэр их гарсан бол?

-Ер нь гараагүй шүү. Хятадад бараг нэвтрүүлээгүй. Ойрхноос зурагтаар ганц нэг гарсан гэсэн.

-Танаас нэг зүйл асуухгүй бол ердөө болохгүй нь. Тэр кинонд уургаа газарт зоож босгож байгаад үүлэн борооны ажил хийдэг дээ. “Монголчуудад ийм ёс байдаггүй, найруулагч нь орос хүн болохоор биднийг доромжиллоо” гэж нэг хэсэг шуугьсан даа?

-Монголчуудад уургаа босгодог ёсон байсан байна аа. Хижиг өвчний үеэр сэрэмжлүүлэг болгож уургаа босгодог, тэрийг холоос үзсэн хүн ойртож ирэлгүй ярьдаг байсан байгаа юм. Хижиг өвчин чинь их аюултай халдварт өвчин болохоор ингэж сэрэмжлүүлдэг байж. Харин энэ ёсыг найруулагч маань арай өөр өнцгөөс кинондоо оруулсан байх.

-Та өөр ямар, ямар кинонд тоглов?

-Өмнөд Монголд тавьсан Чингис хааны холбогдолтой бүх кино, жүжигт миний дүр байгаа.

-Баасанжав гуайн тоглосон “Чингис хаан” олон ангит кинонд тоглож байсан гэж үү?

-Тэр цуврал кинонд тоглоогүй. 1985 оны, 1997 оны “Чингис”-т тоглож байсан. Өөр бас нэг Чингисийн тухай үлгэрт (уран сайхны. сур) кинонд тоглосон. Одоо ӨМӨЗО-ны далан жилийн ойд зориулсан хорин ангит кинонд тоглож байна. Ирэх оны долдугаар сард Өмнөд Монголын “Одон” телевизээр гарна.

-Та төрж өссөн Өмнөд Монголынхоо олон алдартантай найз байлгүй?

-“Чингис хаан” киноны жүжигчин Баасанжав гуай, алдарт дуучин Тэнгэр нараас өгсүүлээд олон сайхан найз нөхөд байна. Тэнгэртэй бүүр их найз. “Уурга” кинонд тоглосны дараа Тэнгэрийн гэрт уригдаад хонуут өнжүүтээр найрлаж байсан. Баасанжав гуай бол миний яриан байхгүй сайхан ах шүү дээ.

-Таны аав, ээж ямаршуухан аж төрөлтэй хүмүүс байв?

-Аав маань улсын албан хаагч, ээж малчин хүн. Ах дүү долуулаа, гурван эгч, гурван ахтай. Би айлын отгон хүү. Хүү маань арван гурав хүрч байна. Би “Уурга”-д тоглосныхоо дараахан Парисын нэг жүжгийн хүрээлэнтэй гэрээ хийж тэнд очсон юм.

-Монголд ирээд хаа очиж үзэв?

-Чингис хааны том хөшөөтэй газар очиж үзлээ.

-Цонжин болдог уу?

-Тийм ээ. Тэнд л очлоо.


Categories
мэдээ цаг-үе

Д.Өлзийбаатар: Дэлхийн газрын зургаас арчигдсан монголчууд түүхээ бичээд босоод ирсэн

Түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө.

-Таны уншсан “Монголчууд” цахим түүхийн сонсдог ном “Hi Fi” рекордсын бестселлэрийг олон долоон хоног тэргүүлж байна. Монголчууд маань сүүлийн үед эх түүхээ их сонирхдог болсных уу, нууц нь юунд байна?

-Цомог маань борлуулалтаараа тэргүүлж байна гэсэн сургийг саяхан сонссон. Үүнд би их баярлаад байгаа. Хамгийн гол нь цомгийн борлуулалт сайн байгаад баярлаж байгаа юм биш. Хүмүүс түүхээ сонсож, сонирхож байгаад би баярлаад байгаа. Энэ цомог тийм ч хямдхан биш, нийт дөчин цагийн төгс лекцийн хэмжээний зүйл багтсан. Анх энэ цомгоо 1980 оноос хойш төрсөн, завсрын үеийн залууст Монголын түүхийн ерөнхий мэдлэг өгье гэж бодож санаачилсан юм. Яагаад гэвэл наяад оны хүүхэд залуусын сурч боловсрох үе нь нийгмийн ороо бусгаа үед таарчихсан. Яг л ид түүхээ сурдаг, бага, дунд, дээд боловсролтой болох үед нь хувьсгал таараад сургалтын чанар муудаж, боловсролын тогтолцоо өөрчлөгдсөн. Энэ үед түүхийн хичээл хаягдсан. Монголчууд нийтээрээ түүхээ сонирхохоо ч байсан үе. Түүх их уйтгартай болчихсон байсан. Тиймээс түүхийг ойлгуулъя гэж хийсэн. Аль ч орны иргэн бай түүхээ мэдэхгүй бол эх оронч гэсэн бодол хэзээ ч төрөхгүй. Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд эх орноороо бахархах, эх түүхээ дээдлэн шүтэхийн их гал дүрэлзэн бадарч байдаг. Энэ галд л би нэгэн цучил нэмэхийг хүссэн. Монголчууд шиг түүх нь дэлхийн хэмжээгээр яригддаг байсан ард түмний үр сад түүхээ маш сайн мэдэж байх ёстой.

-Их байсан Монгол минь цагийн эрхээр бутран жижгэрч талд цацсан шагай шиг болж. Гэхдээ таны түүхийн цомог монгол хүн бүрийн сэтгэлд агуу их бахархлыг төрүүлж байгаа шүү…

-Сэтгэлийн бах, бахархлын сэдлийг өдөөх зорилготой энэ сонсдог номыг гаргасан. Тэрнээс түүхийн ямар нэг онолын зүйлийг оруулахыг чухалчлаагүй. “Хаашаа явж буйгаа мэдэхийн тулд хаанаас эхэлснээ мэд” гэсэн үг байдаг. Ядрахын цагт агуу түүх маань хань болж, босохын цагт эх түүхээ тулж өндийдөг ард түмэн дээ бид. Энэ түгээмэл түүхийн номыг минь сонсоод цаашид түүхийн мэдлэгээ өөрсдөө баяжуулаарай гэсэн санаатай хийсэн. Цомгийг хийгээд хоёр гурван жил өнгөрлөө. Эл хугацаанд зөвхөн залуучууд гэлтгүй нас насныхан сонсож байгаа нь надад анзаарагдаж байна. Цахимаар надад талархлын захидал маш олон ирдэг. “Монголчууд” сонсдог номондоо Монголын эртний болоод дунд үеийн түүх, хорьдугаар зууны түүхийг өгүүлсэн. Хорьдугаар зууныг яагаад сонгов гэхээр Монголын түүхэнд XIII-XIV зуун, XX зуунууд маш их нөлөө үзүүлсэн.

-XIII-XIV зуун ч монголчуудын ид мандан бадарсан үе л дээ, тийм ээ?

-Тэгэлгүй яахав. Бидний өвөг дээдэс Ази-Европыг холбосон их гүрэн байгуулж, дэлхийг нэг дэг журамд оруулж, хүн төрөлхтөн нэгэн дээвэр дор нэг санаа зорилготой ажиллаж, амьдарч болох юм байна гэдгийг анх удаа харуулсан. Дэлхийн ард түмэн яагаад нэгэн дээвэр дор байж болохгүй гэж гэсэн үзэл одоо ч явж л байна шүү дээ. Хүн төрөлхтөн тэгш эрхтэй, нэг зорилготой болох уу, үгүй юу гэсэн өнөөгийн даяаршил чинь тэр үеийн монголчуудаас эхтэй. Мөнгө, эрх мэдлийг гартаа оруулсан хэсэг бүлэг хүмүүс дэлхийг атгандаа хураах гэж байна гэсэн үг яриа байдгийг үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтөн одоо хүртэл баян, ядуугийн ялгаа арилаагүй байна. Улс орнуудын хувьд ч хүчтэй, сул гэсэн зааг байсаар л байна. Тэр үе бол монголчуудын түүхийг тодотгосон, дэлхийн анхаарлыг татсан том үе. Үүнийг тодруулж бүрэн түүхийн хэмжээнд ярьсан. Хорьдугаар зуунд монголчууд сэргэн мандаж, өнөөгийн монголчууд бий болсон онцлог зуун. Харааж муушаагаад байсан социализмын үед бидний ахмад үе яаж ажиллаж, аж төрж байсныг өгүүлсэн.

-Одоогоос зуун жилийн өмнө монголчууд угсаатны хувьд бүрэн устаж мөхөхийн ирмэг дээр ирсэн байсан гэдэг байх аа?

-Хорьдугаар зууны эхэн үе гэхэд монголчууд түүхийн хуудас, дэлхийн газрын зургаас алга болчихсон байлаа. 1600-гаад оноос монголчууд Манж гэдэг гүрний эрхшээлд ороод тусгаар улсын хувьд оршин тогтнож байсан байдлаа алдсан. Өмнө нь олсон асар их нэр хүнд мартагдчихсан байсан үе. Түүхийн хуудаснаас арчигдсанаа, дэлхийн газрын зургаас алга болсноо эргэж бичсэн үе нь хорьдугаар зуун. Энэ зуунд монголчууд зовлон ч туулсан, жаргал ч амссан. Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын үрээр сөнөж мөхөж байгаа гэсэн үнэлгээтэй байсан ард түмэн чинь түүхээ бичээд босоод ирсэн. Өмнөхөөсөө маш их жижгэрсэн.

-Жижгэрэхдээ бид хэдий хэрийн газар нутгаа алдсан байв?

-Манжид дагаар орох үеийн Монголын үндсэн газар нутгийн хэмжээ Умар зүгт Байгаль нуураас урагш Цагаан хэрэм, зүүн зүгт Хянганы нуруунаас барууншаа Ил Тарвагатай, Балхаш нуур хүртэл өргөн уудам нутаг бол монголчуудын үндсэн газар нутаг байсан. Нийтдээ долоон сая дөрвөн зуун мянган метр квадрат талбайтай нутаг байлаа. Энэ газар нутаг дээр аж төрж байсан монголчууд мөхлийнхөө ирмэг дээр хоёр зуу гаруй жилийн дараа тусгаар тогтноод босож ирэхдээ нэг сая таван зуун мянган квадрат газар нутгийг авч үлдэж чадсан. Бусад газар нутгаа өмнөд, хойд хөршийн улс төрийн том бодлого, дипломат ажиллагааны үр дүнд бид алдсан. Одоо бидний Монгол Улсын эргэн тойронд дан монголчууд л байгаа. Умар зүгт буриад, урд зүгт Өмнөд монголчуудтайгаа л бид хиллэж байгаа шүү дээ. Өөрөө өөрсөдтэйгөө л хиллэж байна.

-Гунигтай ч гэмээр түүхэн хувь заяа юм даа?

-Гэхдээ Монгол гэдэг том ард түмний үр сад өнөөдөр дэлхийн газрын зураг дээр зурагдсан явдал хорьдугаар зууны хамгийн том ололт шүү. 1918 онд Монголд судалгаа хийж “Орчин цагийн Монгол” ном бичсэн Орос-Зөвлөлтийн томоохон судлаач Майский тухайн үеийн Монголын нийгэм-эдийн засгийн байдал, хүн ам, малын тооллого бүхнийг судлаад “Энэ ард түмэн одоогийнхоо байдлаар үлдвэл хүн төрөлхтний түүхээс үндэстний хувьд алга болох гунигт хувь тавилан руу гулсах байдалтай байна” гэж дүгнэж бичсэн байдаг. Тэр үед Монголын хүн ам Буриад Монгол, Өмнөд Монголыг оролцуулахгүйгээр таван зуухан мянга болсон байсан. Халхын дөрвөн аймгийг шавьтай нь хамт Ар Монгол гэж ярьдаг даа. Арван найман онд ингэж бичигдэж байсан ард түмэн тавин жилийн дараа цоо шинэ ард түмэн болоод босоод ирсэн. Хүн ам нь өсөж байгаа, эрүүл чийрэг, дээр нь нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан шинэ Монгол бий болсон. Энэ бол манай түүхэнд тод томруун эерэгээр бичигдэх зуун. Ерөнхийд нь би энэ зууны түүхийг “Тусгаар тогтнолын төлөө” гэж нэрлэсэн. Хорьдугаар зууны монголчуудын хамгийн гол үнэт зүйл бол тусгаар тогтнол. ОХУ ч юм уу, БНХАУ-ын хувьд тусгаар тогтнолын асуудал биднийх шиг үнэт зүйл болж тавигдахгүй. Орос, Хятадын тухайд тусгаар тогтнол алдагдах аюул нэг хэсэгтээ л тун бага. Манай тусгаар тогтнол байнга сэрж, харж хамгаалж явахгүй бол эмзэг хэврэг байгаа. Монголчуудын үндэсний язгуур эрх ашиг бол тусгаар тогтнол. Ийм хоёр том гүрний дунд бид тусгаар оршиж байж л монгол хэл, соёлтойгоо, монгол зан заншилтайгаа байж чадна. Монгол Улс гэдэг утгаараа дэлхий нийттэй монгол хэлээрээ харьцаж байна.

-Тусгаар тогтнол ч асар их үнэ цэнээр олдсон байх шүү?

-Монголчууд тусгаар тогтнолоо асар их үнэ цэнэ, гарз хохирол амсаж байж олж авсан. Өмнөх хүчирхэг байдал, газар нутгаа алдсан. Тусгаар оршихын төлөө монголчууд өөрийнхөө хүчтэй байсан олон соёл, үнэт зүйлүүдийг алдсан. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын алтан ургийн хэлхээ тасарсан. Нийгмийн томоохон соёлт давхарга болж байсан лам нараа аймаглан устгуулсан. Үндэсний соёл мартагдсан. Бичиг үсгээ солиулсан. Олон хүнд сорилтуудтай тулгарсан. Энэ сорилтуудыг даван туулж байж Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан. Бид нэг хэсэг социализмыг “Аймшигтай нийгэм. Монгол бол дээвэргүй шорон” гэж ерээд оны эхээр бичсэн шүү дээ. Аливаа нэг хувьсгал болоход өмнөх нийгэм, төрийн зүтгэлтнээ муулдаг, алдаг, хороодог жамтай байна л даа. Ганцхан Монголд ч биш хувьсгал гарсан улс орон болгонд ийм зүйл тохиолддог. 1921 оны хувьсгалын дараа баахан хүнээ хөнөөсөн чинь үүнтэй л холбоотой. Энэ чинь хувьсгалын л долгио. Феодалын бурангуй ёсыг хална, шинэ засаг төрийг тогтооно гэдэг нэрийн доор үндэснийхээ үнэт зүйл рүү халдаж довтолсон нь гунигтай шүү. Яг түүнтэй адилхан зүйл ерээд онд давтагдсан. Өмнөх нийгмийн үнэт зүйлс рүүгээ бид бас довтолсон.

-Социализмыг одооны хүүхэд залуус сайн мэдэхгүй байх аа?

-Социализмын үед төрд зүтгэж байсан зүтгэлтнүүдээ доромжилж буруушаасан. Жанжин Сүхбаатар, маршал Чойбалсан, Ю.Цэдэнбал нарыг дарангуйлагчид гэж үзэж нулимсан. Цаг үе ийм бурангуй явдлыг төрүүлж өөгшүүлдэг юм байна л даа. Гэтэл социализм гэдэг чинь Монголыг их өөрчилж шинэ үнэт зүйлтэй болгосон тогтолцоо байж. Зүүн Европын пост социалист орнууд хөгжлийн хувьд хойшоо ухарч хоцорсон байж болно. Тэдэнд бол энэ яах аргагүй алдаатай зүйл байсан байж болно. Монгол Улсын хувьд социализм боломж, давуу тал, хожил байсан гэж хэлж болохоор байгаа. Монголчууд л социализмаас хожсон ард түмэн гэж би боддог юм. Энэ үед л хүн ам өсөж, эрүүлжиж, боловсорсон. Шинэ монгол хүн төрсөн. Тиймээс би сонсдог номондоо “Социализм системийн хувьд нэлэнхүйдээ саарал өнгөөр харагдаж байсан бол зөвхөн Монголд л өнгө өнгийн цэцэгтэй социализм байсан юм” гэж ярьсан. 1930 оноос өмнө Монголд ямар ч үйлдвэр байгаагүй. 1926 онд анхны Төмрийн завод гэдэг жижигхэн үйлдвэр Германы тусламжтайгаар одоогийн Бөхийн өргөөний тэнд байгуулагдсан. Аж үйлдвэрийн комбинатын суурь 1930 онд тавигдаад анхны цахилгаан станц баригдсан. Үүнээс хойш л Монгол орон бүтээн байгуулалтын замаар хөгжих суурь тавигдсан шүү дээ. Хөгжлийн энэ үеийг гучаад оны хэлмэгдүүлэлт, дөчөөд оны дэлхийн дайн тасалдуулсан. 1946-1990 он хүртэлх дөчөөд жилд ганц мал шүтэж аж төрдөг байсан Монгол хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болж хувирсан. Эрүүл мэнд, боловсрол үнэ төлбөргүй байлаа. Энэ боломжийг монголчууд өнгөрөгч зуунд олж авсан учраас түүхээ зөв харах хэрэгтэй юм.

-Социализмыг чинь гажуудсан нийгэм байсан гэж дэлхий нийтээрээ яриад байдаггүй бил үү?

-Систем болж тогтсон социализм хуарангийн социализм байсан нь үнэн. Гажуудсан социализм байсныг наяад оны сүүлчээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Тогтолцоо ч бүхэлдээ нурж унасан. Монголд л ганцхан социализм нурж унаад бид ардчилсан хувьсгал хийчихсэн юм биш. Нэг гол анхаарах зүйл бол Монголд тогтож байсан социалист дэглэм өнөөгийн Хойд Солонгосынхоос шал ондоо зүйл шүү дээ. Энд тэнд хүмүүсийн бичсэн зүйлсийг харж байхад социализм гэдэг чинь одоогийн Куба, Хойд Солонгост байгаа социализмтай адилхан гэсэн байх юм. Энэ бол тийм биш гэдгийг залууст үнэн зөвөөр ойлгуулах учиртай. Хоёр систем оршиж байсан учраас хүний эрхийг хаан боогдуулах, үзэл суртлаар боомилох, капиталист системийн соёлыг хөрөнгөтнийх гэж өөртөө дэлгэрүүлэхгүй байх зэргээр хавчиж байсан нь үнэн. Би социалист тогтолцоонд гучин жил амьдарсан хүн. Одоо капиталист дэглэмд хориод жил аж төрлөө. Капитализмд амьдарч байгаа залуу үеийнхэнд тэгэхээр социализмыг үнэн бодитоор л ярьж өгөх учиртай юм.

Үргэлжлэл бий