Categories
мэдээ цаг-үе

Хөгөлбөөгийн Лхагвасүрэн: Чингис хаан даян дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан агуу их бүтээн байгуулагч

Доктор Х.Лхагвасүрэн гадаадын монгол судлаачийн хамт

“Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Хөгөлбөөгийн Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.


-Молор-Эрдэнэ хэмээх хүн “Чингис хаан бол юу ч бүтээгээгүй, Чингисийн үед төр ч байгаагүй, монголчуудыг дэлхийгээр нэг цацсан шагай шиг тараасан этгээд” гэлээ. Энэ талаар мэргэжлийн түүхчийн хувьд та ямар байр суурьтай байгаа бол?

-Молор-Эрдэнэ гэдэг хүнийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс л бага сага таньж мэдэх юм. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүн гэж өөрөө ярьж байхыг нь сонссон. Түүнээс биш эрдэм ном, улс төрийн талаар энэ хүнтэй би хэлхээ холбоо байхгүй. Түүхч, судлаач хүний хувьд энэ нийтлэлийн талаар таны тавьсан асуултын дагуу хэдэн зүйл хэлье. “Чингис хаан бол эх орондоо юу ч бүтээгээгүй” гэсэн гарчигтай ярилцлага байна л даа. Зөвхөн гарчгаасаа эхлээд түүхэн үнэмшил, бодит баримт муутай ярилцлага болжээ. Яагаад гэвэл Чингис хааныг Монголд ч бай, дэлхийд ч бай юу бүтээсэн гэдгийг бидэнтэй, бидэнгүй дэлхий дахин тогтоосон. “Хүн төрөлхтөний хоёрдугаар мянган жилийн түүхт хүн” гэдгээр “Нью-Йорк таймс” болон “Вашингтон пост” сонины өнгөрөгч зууны тодруулгаар тодорчихсон алдартан.

-Философич Молор-Эрдэнэ Чингис хааныг талын хэдэн нүүдэлчдийг л дагуулаад морин дэл дээр сүйргэнэж, суурин иргэншилтэй улс орныг тонон дээрэмдсэн хуульгүй нөхөр байснаас биш эртний их түүхт Хятад, Ром улсууд шиг ганц хот ч байгуулаагүй гээд байгаа юм билээ л дээ?

-Хятад, Ром улсуудыг эртнээс соёл иргэншилтэй гэж дэндүү өргөмжилж. Эдгээр улсын соёл иргэншлийг би үгүйсгэхгүй. Гэхдээ Чингис хааны үед, Чингис хааны залгамжлагчдын үед Монголын их эзэнт гүрний буурин дээр Хятад улс бий болсон. Яагаад ингэж ярьж байна гэхээр өмнө нь Хятадын нутаг дэвсгэр дээр Хан, Сүн, Яо, Тан улс зэрэг жижиг жижиг улсууд байсан. Чингис хааны үеэс Алтан улс, Сүн улсуудыг нэгтгэж явсаар 1268 онд Хубилай хаан Юан гүрнийг байгуулсан. Юан гүрэн оршин тогтнож явсаар 1368 онд Тогоонтөмөр хааны ноёрхол унасны дараа монголчуудын байгуулсан улсын суурин дээр Мин улс бий болсон. Нөгөө олон жижиг улсуудыг нэгтгэсэн улс нь Монгол. Хэн удирдсан бэ гэвэл Чингис хаан. Ганцхан Хятадын тухайд ч биш Оросын хувьд ч Создалийн, Тверийн, Новогородын, Киевийн гэх мэт жижиг вант улсууд байсныг монголчууд нэгтгэж өгсөн. Гадуураа хэрэмтэй хэдэн байшин савтай тосгод л байсан. Энэ жижиг вант улсуудыг Чингис хааны ууган хүү Зүчийн хүү Бат хаан эзэлж аваад Алтан ордны улсыг байгуулсан. Хамгийн сүүлчийн хаан Жанибекийг нас барсны дараа Алтан ордны улсын суурин дээр Русь гэж улс бий болсон. Чингис хаан одоогийн энэ хүчирхэг улсуудыг яах аргагүй бүтээсэн байгаа биз дээ.

-Дэлхийд ч яахав, Чингис хаан том том улсуудыг хүртэл байгуулсан юм биз. Эх орондоо юу ч хийгээгүй гээд байгаа шүү дээ?

-Чингис хаан харилцаа холбооны томоохон эхлэлийг тавьсан. Тухайлбал, дэлхийд анх удаа өөрийнхөө эзэнт гүрнийг хамруулсан морин өртөөг байгуулсан. Морин өртөө гэдэг одоогийн даяарчлал, цахим ертөнцийн эхлэл болох үндэслэл болсон. Гэтэл энэ хүнийг, дэлхий дахиныг хамарсан том бүтээн байгуулалт хийчихсэн байхад юу ч бүтээгээгүй гэж яагаад ч ярьж болохгүй. Чингис хаан бол даяарчлалыг үндэслэгч. Чингис хаан “Дэлхийн бүх хүмүүс нэгэн гэрийн хүмүүс мэт эвтэй найртай амьдрах аваас миний хүсэл биелмой” гэж хэлсэн байдаг. Ерээд оноос даяарчлал гэдэг үг хүчтэй сонстож эхэлсэн. Одоо ч энэ үйл явдал хүчтэй өрнөж байна. Гэтэл энэ бүхний эхлэлийг 1206 онд Чингис хаан тавиад дорно дахины ард түмнийг өрнө дахинтай таниулсан гавьяатай. Өрнө дахины өчнөөн хүмүүс Ази тивд ирж дорно дахиныг мэдсэн. Чингис хаан бол дэлхийг эзэлсэн хүн. Түүний үед дэлхийд Ази, Европ хоёр тив л тодорхой байсан. Васка де Гама хэдэн онд Африк тивийг нээлээ, Христофер Колумб Америк тивийг хэзээ нээлээ. Үндсэндээ Америкийг анх нээсэн улс чинь манай өвөг монголчууд шүү дээ. Мезойлитийн үед буюу арван таван мянган жилийн тэртээд манай монгол нутгаас нүүж Сибирийн Лена мөрний сав, Камчаткийн хойг, Берингийн хоолойгоор дамжиж Аляскийн хойг хүрсэн эртний индианчуудын өвөг чинь монголчууд байсан.

-Чингис хаан соёл иргэншлүүдийг нураан устгагч байснаас бүтээн байгуулагч байгаагүй гэдгийн тухайд?

-Чингис хаан бусад хаад шиг өөртөө зориулсан хөшөө дурсгал, том том барилга байгууламж, Египетийн фараонууд шиг цац суварга ч босгосонгүй. Угийн даруухан ийм хүн. Аян дайнд явахдаа цэргүүдтэйгээ хамт амарч хоноод, тэднийхээ хоол унднаас идээд явдаг энгийн хүн байсан. Хот суурин байгуулаагүй гэсэн тухайд Чингис хаан 1220 онд Хорезмыг дайлаар мордох зуураа Хархорины суурийг тавиад, Өгөдэй хаанчилж байсан 1229-1230 оны үес Чингис хааны авга ах Даридай Отчиган сүндэрлүүлсэн. Хархорины тууриас гэрэлт хөшөө олдсон. Хөшөөн дээр Хархориныг хэзээ, хэрхэн барьж байгуулсан тухай бичсэн байгаа. Дорно дахины болон өрнө дахины бичгийн бүхий л сурвалжид Хархорины талаар тодорхой бий. Мөнгөн мод байсан гэж хүн бүхэн мэднэ. Энэ чинь Хархорин хот байсны л баримт биз дээ. Хархоринд 1948 онд археологийн малтлага хийж эхэлсэн. Хархорин ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад орчихлоо.

-Хятадууд хааны ордонтой, засчихсан тайган эрчүүдээр хатдаа мануулдаг байсан болохоор хааны удмынхан цэвэр цусныхан байдаг байсан. Харин Чингисийн үед монголчууд эсгий гэрээс өөр юманд амьдардаггүй байсан учраас ураг удмынхан нь өөр хүний хүүхэд байх ч магадлалтай гэсэн байна лээ?

-Молор-Эрдэнэ доктор өөрөө монгол хүн байх л даа. Өрнөдийн оронд сурч, амьдарч байхдаа “Хаанаас ирсэн” гэхээр “Монголоос” гэж л хариулдаг байсан байх. Өрнөдийнхөн “Чингис хааны Монгол уу” гэж асуух дуртай. Мань эр мэдээж “Чингис хааны орноос ирсэн” гэж хэлж л байсан байх. Чингис хааны байгуулсан улс хэд хэдэн онцлогтой. Их Монгол Улс шиг хамгийн олон жил оршин тогтносон гүрэн улс дэлхий дээр байхгүй. Чингис хааны суурийг тавьсан гүрэн шиг дэлхийн хамгийн олон үндэстэн ястнуудыг хамарсан улс одоо хүртэл байхгүй. Чингис хааны байгуулсан улс шиг газар нутгийнхаа хэмжээгээр уудам, хамруулсан үндэстэн угсаатнуудынхаа тоогоор толгой цохих улс байхгүй. Европын болоод дэлхийн түүхэнд бичигддэг Наполеон Бонапарт, Александр Македонский, Кутузов нарын алдарт жанждын байгуулсан улс бол манай Чингис хааны үндэслэсэн улсын дэргэд юу ч биш. Чингис хааны байгуулсан улс шиг хуультай, цаазтай, хатуу сахилга баттай төр улс дэлхийд өөр оршин тогтноогүй. Чингис хаан төрийн дөрвөн их хатантай байсан. Хатан Бөртэг төрийн их хатан гэж нэрийдэж, Бөртэгийн хүүхдүүд хаан ширээг залгамжилж, Бөртэгийн үгийг бусад хатад нь дагаж явдаг байсан. Чингис хаан бол гэр орон, авгай хүүхдийн асуудлыг түлхүү тавьдаг хүн биш шүү дээ.

-Тэгэхээр “Гэрээ засаад төрөө зас” гэдгийг мэддэггүй хүн байсан гэсэн үг үү?

-Хувийн тохь тухыг тэгтлээ эрхэмлэж яваагүй. “Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай” гэж төр, түмнийхээ төлөө л зүтгэсэн хүн. Том эрдэмтэн Молор-Эрдэнийн хэлсэнчлэн Чингисийн үр хүүхдүүдийн авгай нарын тэмцлээс болж том эзэнт гүрэн нурсан гэдэг үгүй шүү. Монголын эзэнт гүрэн түүхэн жамаараа л бутарсан. Одоогийн Монгол Улсын газар нутаг чинь Монголын эзэнт гүрний газар нутгийн хорин гуравхан хувь дээр оршиж байгаа. Цаана нь 77 хувь үлдэж байгаа биз. Тийм уудам газар нутгийг бидэнд өвлүүлсэн. Тэгсэн атлаа Чингис хааны бидэнд өвлүүлсэн газар нутаг буюу манай улс газар нутгаараа дэлхийд 18 дугаарт бичигдэж байна. Ийм уудам нутгийг өвлүүлсэн агуу хүн чинь бүтээн байгуулагч биш үү. Юу ч бүтээгээгүй гэж юу яринам бэ. Гадаадад яваа монгол хүн бүр л Чингис хаанаа нэрийн хуудсаа болгож явдаг шүү дээ. Даян дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан агуу их бүтээн байгуулагч бол Чингис хаан мөн байгаа биз.

-“Их засаг” хууль бол албан ёсны хууль биш зүгээр л нэг хорио цээр, Чингис ард түмнийхээ боловсролд огт санаа тавиагүй гэсэн байсан?

-Монголоо бичиг үсэггүй гэж доош хийнэ гэдэг даанч утгагүй. Чингис хааны нэртэй бичээс бэлээхэн байж байна. Хорезмыг дайлаар мордох замдаа Буха Сачиху хэмээх газар наадам хийж, Хасарын хүү Есүнхэ мэргэн 225 алд газар харвасан тухай биччихсэн байгаа. “Мөнх тэнгэрийн хүчин дор, их суу залийн ивээл дор” гэсэн толгой бүхий Чингис хааны албан бичиг захидлууд дэлхий даяар байгаа шүү дээ. Ромын пап манай төрийн тэргүүнийг айлчлан очиход захианы хуулбарыг өгсөн. Францын хаанд явуулж байсан захианы хуулбарууд байдаг. Дараагийн бүх хаадын захидал бичгүүд одоог хүртэл худам монголоороо хадгалагдаад үлдчихсэн. Монголчууд бичиг үсэгтэй байсны баталгаа энэ биш үү. Чингис хаан гэсэн бичигтэй зооснууд байна. Чингис хааны үед холбогдох 200-гаад булшийг Монголын нутгаас оллоо. Манай “Чингис хаан” дээд сургууль профессор Харгана Балжиннямаар удирдуулан “Дэлхийн монголчуудын өв соёл” гэж есөн боть гаргалаа. Дундад Ази, Алтан ордны улс, БНХАУ, Өмнөд Монголд байгаа Чингис хаантай холбогдох дурсгалууд хаа сайгүй байна.

-Чингис суурин иргэдийн тариа будааг талхчин булаасан жирийн нэг алан хядагч байснаас Хятадын Күнз шиг ард түмнийхээ оюун санааны эцэг байгаагүй гээд байгаа шүү дээ?

-Чингис хааны ертөнцийг үзэх үзэл, билиг сургаалийг нарийвчлан судалдаг түүхийн ухааны доктор Шагдар, Баяр, Болд-Эрдэнэ, академич Ч.Жүгдэр нар олон ном бүтээл туурвисан. Түүхийн ном бүтээл уншаагүй зарим нөхөд Чингис хааныг юу ч бүтээгээгүй гэж үзэх нь аргагүй. Гэтэл Чингис хааны философийг дэлхий даяар судалж байна. Аль тэртээх эриний Күнзийн үеийг Чингис хааны үетэй харьцуулаад байх утгагүй. Бид чинь малчин нүүдэлчин ард түмэн. Тэд суурьшмал иргэд. Чингис хааны цаг үе өөр, Күнзийн цаг үе ондоо. Чингис хаан зүгээр ч нэг харанхуй бүдүүлэг амьтан байгаагүй. Ертөнцийг үзэх талаар эрдэм номын мэргэдтэй хүртэл уулзаж учирч, урьж залж явсныг Чан Чунь бумбатай уулзсан нь гэрчилнэ. Монголчууд ямар ч цаг үед Чингис хааныгаа шүтэж дээдэлж ирсэн ард түмэн. Социализмын үед МАХН-ын Төв хорооны тогтоол гарч Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын хөвөөнд Чингис хааны гэрэлт хөшөөг босгосон. Үүнээс болж зарим хүн хэлмэгдсэн. Социализмын үед Чингис хааны хөшөөг босгосноос гадна төр засгаас “Монголын нууц товчоон”-ыг арван хоёр удаа хэвлэсэн гээд бод доо. “Нууц товчоон”-оос харахад монголчууд ямар эртний түүхтэй, бичиг үсэгтэй, бичгийн их боловсролтой мэргэдтэй байсан нь тодорхой байдаг. 1240 онд бичигдсэн ном шүү дээ. Тэр үед бичигдсэн ийм агуу түүхэн баримт бүтээл байсаар байхад үгүйсгэнэ гэдэг үнэхээр утгагүй. “Өнгөрсөн үеэ чи гар буугаар буудвал ирээдүй үе чинь чамайг их буугаар буудна” гэсэн үг байдаг даа. Чингис хаан хэн нэгнээр муулуулж баалуулаад байхаар буруутан биш. Энэ хүн бол Монголын биш дэлхийн хаан. Энэ хүний нэр алдар, гавьяа үйлсийг бид л хайрлаж хүндэлж явах учиртай. Хаанд зориулж том хөшөө дурсгал босгохоос илүү түүхэн гавьяа, билэг сургаалийг нь хар дээр цагаанаар бичин хойч үедээ мөнхлөх учиртай.

-Чингис хаан ганц ч их дээд сургууль байгуулаагүй нь үндэсний эмгэнэл гээд байна л даа?

-Их, дээд сургууль байгуулна гэдэг тухайн улсын хөгжлийн гол тулгуур биш. Чингис хаан 1206 онд зарлиг гаргаж монгол бичгийг төрийн бичиг болгосон. Төрийн бичгийг бий болгоно гэдэг чинь бүхэл бүтэн соёлыг эх орондоо түгээж байгаагийн илэрхийлэл. Соёлын нэг хэсэг нь сургууль юм.

-“Чингис хаан” дээд сургууль хэдэн онд байгуулагдав?

-1999 онд байгуулсан. Монгол орон бол Чингис хааны өлгий нутаг. Тийм учраас өлгий нутагт нь эзэн хаанаар нэрлэгдсэн сургууль байх учиртай гэж бодсон хэрэг. Манай сургууль Чингис хаан судлал, түүхэн газарзүй, гүн ухаан, Чингис хааны үеийн Монголын археологи, хоронологи, цэргийн судлал гэсэн бие даасан зургаан хичээлийн хөтөлбөрийг Монголын дээд боловсролын тогтолцоонд бий болголоо. “Чингис хаан судлал” гэсэн эрдэм шинжилгээний хорь гаруй дугаар сэтгүүл, “Чингис хааны нэвтэрхий толь” номыг 2012 онд гаргалаа. Чингис хаан судлалын дөч гаруй ном хэвлүүлсэн байна. Манай сургуулийн “Эзэн Чингисийн ивээл дор эрдэм номд шамдан суралцаж Монгол хэмээх их нэрийг дэлхий дахинд мандуулъя” гэсэн уриа бий. Монгол хүн л юм бол Чингис хаанаа тэнгэр мэт дээдэлж шүтэх ёстой. Монгол хүн Чингис хаанаа муулж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Шүүдэрцэцэг: Хотулун бол өрнө, дорнын түүхэнд хамгийн цуутай монгол гүнж

“Хотол цагаан гүнж” романаа хэвлүүлсэн зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзаж хөөрөлдөв.


-“Хотол цагаан гүнж” номын баяр чинь ямаршуухан болов доо?

-Их хотын маань номын сайхан өргөө “Аз хур” их дэлгүүрт энгийн даруухан, халуун дулаан уур амьсгалтай номын хурим хийлээ. Гурав дахь романаа өнгөрсөн намар тэнгэртээ буцсан хайрт аав Ч.Баатарсүрэнгийн гэгээн дурсгалд зориуллаа гэж бодон сэтгэлээ тайтгаруулж сууна даа. Миний хайрлан хүндэлдэг, ардын жүжигчин Н.Сувд гуай номын хуримыг минь нээсэн. “Ану хатан” жүжигт бид хамтран ажилласнаас гадна, Хэнтийн Их хатдын өргөөний шавыг хамтдаа тавилцах гэх мэтээр сэтгэл зүрхний холбоотой явдаг юм. Ном бичих бүртээ баяр хийгээд байдаггүй. Гурав дахь роман минь учраас ёсолсон юм аа.

-Та өмнө нь “Ану хатан” роман бичиж, бүр жүжиг, дэлгэцийн бүтээл ч болж байсан. “Домогт Ану хатан” таны анхны роман. Тайзан дээр жүжиг, дараа нь кино болсон. Одоо гурав дахь романаа өлгийдөн авлаа. Өөрийгөө өөрчилж, ахиц гаргаж чадав уу?

-Анхны роман минь УДЭТ-т жүжиг, олон улсын зах зээлд “Warrior Princess” нэрээр кино болж гарлаа. Эцэст нь “Ану хатан” зурагт ном болсон. Энэ романы дараа “Үүлэн хээтэй орчлон” гэж үйлийн үрийн сэдэвтэй, хурц үйл явдалтай роман бичсэн. Энэ бүтээлээ монгол хэлний бичгийн сонгодог найруулгаар, манжийн дарлалын үеийн Монголын ёс заншил, аман зохиол, зугаа үг, үгэн тоглоомыг оруулж, тэр үеийн монгол ахуй, соёлыг дүрсэлж өнгө алагласан, хавтгай хээ шаглаастай монгол зураг мэт байлгахыг хүссэн. Нээлтэн дээр нь ардын жүжигчин Г.Жигжидсүрэн найруулагч ирээд “Шүүдэрээгийн анхны романыг эхнэртээ авч бэлэглэчихээд дараа нь өөрөө уншихад кино харагдаж байсан. Тэгээд ч сайхан кино болсон. Энэ роман нь кино болохуйц бүтээл байх гэж найдаж байна. Кино болчихмоор роман их цөөхөн байдаг юм. Тиймээс “Тунгалаг Тамир”, “Их хувь заяа”, “Мандухай цэцэн хатан” гээд цөөхөн роман кино болсон байдаг” гэж байсан юм. Тэгээд гурав хоногийн дараа “Баяр хүргэе. Жинхэнэ монгол роман. Монгол кино болох зохиол байна” гэж билээ. Кино нүдэндээ харж бичсэн учраас хүмүүс кино шиг байна гэдэг. Нээрээ ч Жийгээ ахын хэлсэн биеллээ олж, манай нэгэн томоохон продюсерийн компани эрхийг нь авч кино бүтээх тухай яриа хэлэлцээ эхэлж байгаа. Гурав дахь романаа сая хэвлүүллээ. Мэдээж өөрөөр бичих гэж, өөрийгөө эвдэх гэж хичээсэн. Шидэт реализмын аргыг тодорхой хэмжээнд хэрэглэхийг зорьсон. Ерөөсөө хүн төрөлхтний түүх, соёл өөрөө эцгийн эрхт ёсонд тулгуурладаг учраас тэнд эмэгтэй хүн “дайвар” үүрэгтэй, голдуу гээгдчихдэг. Гэтэл Мандухай цэцэн, Ану хатан, Хотол цагаан гүнж зэрэг хүчирхэг эмэгтэйчүүд өөрсдийнхөө хүчээр “эмийн сайндаа” түүхэнд тодорч үлдэхдээ, домог туульсад асар том ул мөрөө үлдээжээ. Тийм ч учраас бөх гүнж Хотулуны тухай бичихдээ алтан ургийнхны асар их хагарал, зөрчилтэй цусан мөр татуулсан Юань гүрний бодит түүхийг домог, ид шидтэй сүлэлдүүлэн бичлээ.

-Шүүмжлэгч Г.Батсуурь “Шүүдэрцэцэг ч гэх шиг…” хэмээх шүүмждээ “Монголын массын уран зохиолын гол төлөөлөгч” гэж үнэлсэн. Та тэр шүүмжийг уншсан уу?

-Тэр хүн эхлээд хүний эрхийн тухай анхан шатны мэдэгдэхүүнтэй болоосой гэж захиж байна. Учир нь “Эмэгтэйчүүдийн уран зохиол бол авгайчуудын хов жив байдаг” гэж бүх дэлхийн эмэгтэй зохиолчдыг доромжилсон байна лээ. Мөн “шүдээ нуусан зургаараа номоо чимэглэдэг” гэж хувь хүний бие эрхтэн, нэр төрд халдсан зүйл маш элбэг харагдсан. Би МУИС-ийн докторантурт суралцаж байхдаа шинжлэх ухааны хэл найруулга гэсэн хичээл заалгаж байв. Онолын, судалгааны өгүүллийг бичих хэл тусдаа байдаг. Түүнд сэтгэл хөдлөл, хувь хүний хандлагаа тусгах хориотой байдаг юм. Дээрээс нь утга, уран зохиолын мэдлэг огт байхгүй, дотоодод ямар сургууль дүүргэсэн юм бол доо гэж өрөвдсөн. Тэр хүн Ц.Хулангийн тухай шүүмждээ “ор хөнжил хэсч явдаг”, Р.Чойномыг архи, хүүхэн хоёрын тухай бичдэг гэх мэтээр “шүүмжилсэн” дуулдсан. Уран бүтээлч юун тухай бичихийг бурхан ч заах эрхгүй. Харин яаж бичих вэ гэдгийг л задлан шинжлэх нь шүүмжлэгчийн үүрэг юм. Ер нь шүүмжлэгч болмоор байгаа бол онолын шүүмжийг яаж бичихийг ядаж өнгөрсөн зууны Оросын агуу шүүмжлэгч Висарион Григорьевич Белинскийгээс хальт “шпи”-дчихээ гэж зөвлөе. “Сүүнд халсан хүн тараг үлээнэ” гэгчээр тэр “судлаач” халаад, агуу Донровын Намдаг гуайн “Хөгшин чоно ульсан нь” туужийг “бут авах” гээд “Намдаг ульсан нь” гэж бичээд ардын уран зохиолч Бөхийн Бааст гуайд өөрөө бут авахуулсан байсныг харсаан. Настны үгийг тусгаж авах байлгүй дээ. Б.Ганчимэгийн сонинд Бөхийн Бааст гуай “Хүү минь юм шүүмжилмээр бол жаахан юм унш. Улс мөнгө гаргаад энэ хүүхдийг Горькийд сургах хэрэгтэй байна” гэсэн байна лээ. Сүүлд нь, энэ хүн шүүмж нэртэй доромжлол бичиж явсаар Архангайн багшийн сургуулийн захирал болсон дуулдсан. Манай нийгмийн нэг эмгэнэл нь бусдын нэр төрөөр оролдох замаар олны анхаарал татаж, өөрөө “тайзан” дээр гарч ирэх, дараа нь том жижиг хурган даргын суудал горьдох, гуравдугаар шатандаа улс төрд шургалах өчүүхэн зорилготойгоор элдэв янзын тоглолт хийдэг, хоосон цээжтэй, өс хонзон ханхлуулсан сайн дурынхнаар дүүрчээ. Эмэгтэйчүүдийг хүйсээр нь доромжилдог ийм хоосон толгойтой хүн боловсролын салбарыг удирдана гэж Монголд л байх парадокс. Хэдэн жилийн өмнө, Харвардын их сургуулийн ерөнхий захирал нь “Эмэгтэйчүүд тодорхой шинжлэх ухаанд авьяасгүй” гэж хэлснээсээ болоод Удирдах зөвлөлийн шийдвэрээр огцорч, энэ сургуулийн түүхэнд анхны эмэгтэй захирал томилогдож байсан түүхтэй. Эрхбиш, ёс зүйтэй нийгэм учраас дараа нь мань хүн уучлалт гуйсан боловч, шаазан нэгэнт хагарсан байсан гэдэг.

-“Хотол цагаан гүнж” романд юун тухай гарах бол?

-Хотол цагаан гүнжийн тухай л гарна даа. Персийн гарамгай бичгийн хүн, түүхч Рашид Ад Дин, Италийн аялагч Марко Поло нар Өгөдэйн угсааны Хайду хааны охин, хүчит Хотол цагаан Саран гэрэлт гүнжийн тухай тодорхой баримт тэмдэглэж үлдээсэн байдаг. Хотол цагаан гэсэн цол гуншин нь ам дамжсаар Хотулун гэж алдаршсан хүн. Өрнө дахинд “Kuthulun Prin­cess”, Орост Хутулун гэсэн дуудлагаар үлдсэн. Өрнө, дорнын түүхэнд хамгийн их цуу тарьсан энэ гүнжээ манайхан бараг мэддэггүй. Эртний түүхэн сурвалжаас анх XVIII зуунд Францын эрдэмтэн Франсуа дө ла Круа Сарангэрэлт буюу Ажуруг гүнжийн тухай мэдэж аваад бөх барилддагийг нь оньсого таалгадаг болгож өөрчлөн, Хятад дахь Монголын Алтан хааны гүнжийн тухай үлгэр бичиж хэвлүүлсэн байдаг. Энэ үлгэрээс сэдэвлэн Италийн Карло Гоцци гэдэг зохиолч жүжиг бичжээ. Энэ жүжгийг агуу жүжгийн зохиолч Ф.Шиллер немц хэлэнд дуун хөрвүүлснийг, суут Гёте Германы Веймар хотын нэг театрт тоглуулсан гэдэг. Хожим XX зууны эхээр суу билигт хөгжмийн зохиолч Пуччини энэ жүжгээс сэдэвлэн мөнхийн бүтээл “Турандот” дууриа бичсэн түүхтэй. Ийм л агуу түүхтэй, алтан ургийн хүчирхэг гүнж Ажуруг буюу түрэг хэлээр Сарны гэрэл гэсэн нэртэй, хожим Хотол цагаан гүнж гэж цууд гарсан, хатан зоригт Хайду хааны хайрт охины тухай энэ романд өгүүлдэг.

-Зохиолч Б.Сарантуяа “Сорхугтани хатан”, “Самар хатан” гэсэн романууд хэвлүүлсэн. Та түүхэн хатдаас ямар ч байсан хоёрыг нь барьж аваад роман биччихлээ. Эрдэмтэн зохиолч Ш.Нацагдорж “Мандухай цэцэн хатан” роман бичсэн нь хожим дэлгэцийн бүтээл болсон. Одоо бариад авахаар хатад үлдэж байна уу?

-Уг нь дан хатдыг “барьж аваад” байя гэж боддоггүй юм. Хотулун гүнжийн тухайд манай “Шүүдэр” продакшны кино төсөл хэрэгжиж байна. Одоо рreproduction буюу зураг авалтын өмнөх шатандаа яваа. Хотулун гүнжийн дүрд Дэлхийн миссийн шилдэг 11-дүгээрт тодорсон жүжигчин, мисс А.Баярцэцэг шалгараад байгаа. Гэхдээ Дэлхийн мисст явахаасаа ч өмнө гол дүрд шалгарчихсан байсан. Дэлхийн мисст хамгийн их дуулиан тарьсан видео танилцуулгадаа Баярцэцэг Хотулун гүнжийн хувцсаа өмсч, тулааны багийнхантай хамтран зураг авахуулсан юм шүү дээ. Энэ киноны зохиолыг нь ханьтайгаа хамтран бичиж байна. Учир нь тулаант төрлөөр хийх бодолтой байгаа учраас тулаан, бөх, монгол цэргийн урлагийг хань маань илүү сайн мэдэрч байна. Ингээд төсөл явж байх хооронд судалсан юм нэлээн боллоо. Тэгээд л роман бичихээр шийдсэн. Мөн Жек Уотерфордын уншигч, монгол хатдын түүхээр “өвчилсөн” гэсэн Селисте Деризер, Робин Хенк нарын зургаан америк хатагтай өнгөрсөн зун надтай ирж уулзсан. Монголын түүхэн хатдын тухай монгол зохиолчийн бичсэн ном англиар ганцыг ч олсонгүй ээ гэж ярьсан нь ч нөлөөлсөн. Тиймээс энэ романаа бичлээ. Хоёр жил гаран судалсан. Намар нь аавыгаа алдаж, сэтгэлийн их шаналан дунд, нулимсаа залгин байж бичиж дуусгасан даа. Дараагийн зохиол гэвэл, олон жилийн өмнөөс төлөвлөсөн Эх дагина Цэндийн Дондогдулам буюу Дунгаагийн тухай сэдэв сэтгэлд минь “яваад” л байна. Гэтэл манай түүхийн цагаан толбо байсан Юань гүрний хатдын тухай залуу судлаач Ч.Содбилэг бас “Сэнтий түшсэн хатад” гэж сайхан ном бичжээ. Мөн авьяаслаг зохиолч Бямбын Сарантуяа найз минь алтан ургийн ухаант хатан Самар гүнжийн тухай саяхан сайхан роман бичлээ. Тэгэхээр Монголын агуу түүх судлах зүйлсээр, бичих сэдвээр асар баян учраас “барьж авъя” гэвэл дундаршгүй шүү дээ.

-Таны зохиолууд гарсан даруйдаа хурдан борлогддогийн нууц юундаа байна?

-Номын борлуулалтаар уралдаан тэмцээн хийх бодол надад байдаггүй. Гэхдээ “Тавилан” мэтийг гүйцдэггүй шүү дээ. Би ер нь тийм “нууц мууцтай” хүн биш ээ. Ер нь эмэгтэй хүнийг “нууцлаг, оньсого шиг” байх ёстой гэх мэтийн “онол”-ыг ч зөвшөөрдөггүй. Энэ нь дэлгэсэн ном шиг бай гэсэн үг биш. Зүгээр хүн ойлгомжтой, цэгцтэй, зөв амьдрах ёстой гэж боддогийнх юм. Ном маань хүмүүст хүрдэг нь баатар болгоноо зан төрх, үзэл санаатай нь амьд дүрслэх, өрнөлтэй, зохиолд гарч байгаа эрин цаг, үйл явдлыг тал бүрээс нь нарийн судалж, уншсаны дараа хүнд ядаж мэдлэг үлдэхүйц бичихийг хичээдгийнх байх. Надад Хэнтийн тайгад гүйж яваа охиндоо миний нэрийг өгчихсөн малчин залуугаас эхлээд, Харвард, Кембрижид суралцагч, гадаадад ажиллагчид, бритиш, Америк сургуулийн сурагч, тэтгэврийн настан хүртэл нийгмийн бүх давхаргын уншигч бий. Зарим найз минь хэлдэг, хүүхэд бритиш сургуульд сурдаг. Монгол юм уншихгүй байснаа “Ану хатан”-аас эхлээд уншиж, монгол хуучин үгийн дэвтэр хүртэл нээсэн байна, баярлалаа гээд. Энэ л том урам юм даа. Саяхан “Максима” төвийн судалгаагаар XX-XXI зууны хамгийн сайн мэдэх зохиол, хамгийн сүүлд уншсан бүрэн хамжээний зохиол гэсэн санал асуулгад хоёуланд нь миний “Домогт Ану хатан” роман, миний нэр их дээгүүр дурдагдсан л дуулдсан. Тархи, оюун, авьяасаа дундалж бичсэн бүтээл минь хүмүүст хүрч байна гэдэг сайхан л санагддаг. Цаана нь мөхөс миний бүтээл гэхээс илүү, монгол хэлээрээ бичсэн, монгол хүний бүтээл, монгол соёл, түүх, ахуйгаа дэлгэн бичсэн зохиолоо монголчууд шимтэн уншиж байгаа нь эх хэл минь мөхөшгүйн баталгаа шүү дээ.

-Өөрөө гадаад, дотоодын урилга заллага ихтэй хүн шиг санагдсан. Сүүлд хаа очоод ирэв дээ?

-Сөүл, Бусанд монгол уншигчидтайгаа уулзлаа. Мөн “Улаан пальто” кино Солонгосын Бучоны кино наадамд уригдсан ч, дараагийн “Хотулун гүнж” киногоо бүтээж байж оролцохоор шийдээд яваагүй. Ордост болдог Эзэн Чингис хааны хаврын тахилгад уригдсан ч шинэ номын ажлаас болж явж завдсангүй. Хөх хотод Сараа бид хоёрын “Домогт Ану хатан”, “Сорхугтани хатан” хоёр албан ёсны эрхтэйгээр хэвлэгдсэн юм. Намраас Ордост очиж, үсэрсэн цус, тасарсан мах өмнөд монгол оюутнуудад лекц унших заллагатай.

-“Шүүдэр” гэж студи байгуулсан санагдаж байна. Ямар кинонууд хийгээд байна?

-“Шүүдэр” продакшн “Ану хатан” түүхэн уран сайхны кино, “Тэнгэрийн бошго” баримтат кино, “Улаан пальто” уран сайхны кино, “Шилдэг өнгө”-тэй хамтран “Галзуу зугаалга” кино хийсэн. Одоо бид “Хотулун гүнж” тулаант киноны төсөл хэрэгжүүлж байна.

-Өөрөө “Анне Франкийн өдрийн тэмдэглэл”, “Дэлхийн эмэгтэй зохиолчид” номыг уншигчдад хүргэсэн. Өөрийнхөө зохиолыг гадагшаа хөрвүүлэх талаар юу бодож явна?

-Зарим өгүүллэг маань Англи зэрэг оронд өгүүллэгийн түүвэрт орсон. Францтай “Домогт Ану хатан”-г хөрвүүлэх талаар ярьсан ч, үг хэллэг, хэлний асуудал хөрвүүлэхэд бэрх, мөн мэргэжлийн редакторт эхэлж орчуулга өгөөд, тэдний зөвлөгөөгөөр байнга өөрчлөх, дахин бичих ажил гардаг учраас тэр тухайд тусгайлан анхаарал хандуулах завдал гарахгүй байгаа. Одоо “Хотол цагаан гүнж”-ийг герман руу хөрвүүлэх тухай ярьж эхэлж л байна. Мэдээж, гадаадад номоо гаргах бодол байна. Тэгвэл монгол сэтгэхүйгээс “салж” гадаад уншигчдад зориулж бичих хэрэгтэй.

-Сүүлийн үед ямар ном уншив. Зохиолч Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Д.Батрэгзэдмаа нарын номуудыг аль хэр уншиж байна?

-Үеийнхээ бүх зохиолчоор бахархаж, тэдний бичиж байгааг уншдаг. Бид Монголын уран зохиол гэсэн нэг тогоонд хамтдаа буцалж явна. Рэгзэдийн “Хайр” номонд хайртай. Аюурзана, Өлзийтөгс хоёроос гадна Х.Тэргэл, Н.Билгүүн, О.Чинбаяр, О.Энхжавхлан, Ц.Хулан, “Оройн ганц мод”-ыг бичсэн Д.Оюунчимэг гээд бид бүгд халуун залуу насандаа хамтдаа “Ардын эрх” сонины халуун тогоонд хамт бужигнаж явсан нэг үеийнхэн шүү дээ. Хамгийн сүүлд “Оройн ганц мод”, Сараагийнхаа “Самар хатан” хоёрыг уншсаан. Мөн цэл залуухан А.Пүрэвмаа гэж охин “Сахиусан тэнгэрүүд” гэж ном бичсэн нь цаанаа л нэг сүнслэг. Ер нь хүн хүн өөр өөрийнхөө өнгөөр л бүтээж туурвиж явна даа. Гуравхан сая гаруй хүн ярьж бичиж байгаа, дэлхийд ердөө л дөрөв орчим сая хүн ярьдаг энэ хэлээр ийм олон сайхан бүтээл хэвлэгдэж, кино бүтээж, ард түмэн нь монгол соёлынхоо тэнгист хөвж умбаж шумбаж байгаа нь юутай бахархалтай.

-За ямар ч байсан нэг түүхэн романы ард гараад авч. Цаашид ямар бүтээл туурвих гэж байна?

-Уншигчид надаас “Эх дагины өчил” гэж олон жил дуншиж байгаа романыг нэхэж байна. Би роман “үйлдвэрлэх” гэж боддоггүй. Эргээд харахад, хоорондоо хоёроос таван жилийн зайтай гурван роман л бичиж. Харин одоо эрч хүчтэй байгаа дээрээ амжиж бүтээх хэрэгтэй юм гэж бодож сууна. Дараа жил үргэлжлэх “Хотулун гүнж” кино төсөлдөө одоо илүү их анхаарна даа.

-Америкийн зохиолч Жек Уотерфордын “Монголын их хатдын нууц товчоо” номыг уншсан бүсгүйчүүл нэг нэг хатны түүх барьж аваад роман бичдэг болчихлоо гэсэн яриа гарсан байна лээ. Та энэ талаар ямар бодолтой байгаа бол?

-Ёстой инээдтэй асуулт юм. Эсрэгээрээ юм байгаа юм. Ер нь яахаараа, өөрийнхөө түүхийг “хүний хүн”-ээс санаа авч суух ёстой юм бэ. Юм хийдэггүй, гараас нь юу ч гардаггүй, юу ч судалдаггүй амьтад л иймэрхүү элдэв “яриа” гаргах завтай байдаг. Анх намайг “Домогт Ану хатан”-г бичихэд энэ ном Америктаа л дуншиж байсан байх. Ний нуугүй хэлэхэд, энэ зохиолч манай түүхийг таниулж байгаа нь сайхан ч Монголын хоёр түүхч эмэгтэйн бүтээлийг түүхий эд болгон ашиглаж энэ номоо бичсэн хүн. Түүхийн ухааны доктор, МУИС-ийн багш Д.Энхцэцэг, Ж.Урангуа нарын “Монгол хатад” гэж 2002-2003 оны үед хэвлэгдсэн арав гаруй монгол хатны тухай түүхэн судалгааны том бүтээл бий. Энэ хоёроос Д.Энхцэцэг багш миний “Домогт Ану хатан”-ы түүхийн зөвлөхөөр ажилласан. Уотерфорд энэ хоёр түүхчийн номыг уран сайхан болгоод биччихсэн харагддаг. Тэгэхдээ, “Нууц товчоон”-оос хуудас алга болсон гэдэг зохиомждоо автаад мань хүн “Монгол хатад” номноос Өндөр гэгээний эжий Ханджамц хатан, Ану хатан, Дондогдулам хатан гурвыг хасаад л “Монголын их хатдын нууц товчоо”-г бичсэн байдаг. Тэр үед Юань гүрний хатдыг манай түүхчид бичиж эхлээгүй байсан учраас Уотерфордын номд Юань гүрний хатад байдаггүй. Аа, харин одоо Ч.Содбилэг Юань гүрний хатдын түүхийг биччихлээ. Гадаадын нэг сэргэлэн этгээдэд хуулуулалгүй, яаралтай энэ бүтээлээ англи руу орчуулах хэрэгтэй гэж би түүнд зөвлөмөөр байна.

Categories
мэдээ цаг-үе

Готовын Аким: Дэлхийд үлэмж биет, эвэрт хүмүүс амьдарч, харь гаригийнхан ирж байсныг хадны зураг гэрчилнэ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Хатагин Готовын Акимтай уулзаж хөөрөлдлөө.


-Таны “Тэнгэрээс залрагсдын “мөр”-ийг “Тэн-гэрийн хүүхдийн наадгай”-гаар мөшгөхүй” номын баяр сайхан болов оо?

-Монголын Үндэсний номын санд миний ийм нэртэй номын баяр боллоо. Өөр гарагийнхан Оор Монголд бууж байсан онцын зоригтой таамналууд багтсан монгол, англи хэлнээ гарч буй ном юм л даа.

-Таны эл номыг харж байхад хадны сүг зургийг нэлээд судалсны тань үр дүн, бодомж сэтгэлгээний бүтээл гэж хэлж болохоор болж. Хадны сүг зураг эртний хүмүүсийн бодол сэтгэлгээг хадгалсан код гэж зарим эрдэмтэд үздэг юм билээ?

-Би эрдэмтэн С.Дулам шиг айхтар онол, код энэ тэрийг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хадны зураг гэдэг хуучин чулуун зэвсгийн үеэс эхтэй. Бид харин сүг зураг гэж буруу нэрлээд байгаа юм. Бид өвөг дээдсээ сүг сүүдэр гэдэггүйтэй адил хадны зургийг сүг гэж нэрлэх нь зохимжгүй юм. Хомосапиенс буюу ухаант хүн үүссэн цагаас хадан дээр зураг зурсан байна.

Дэлхийн эрдэмтэд хоёр зуун тавин мянгаас зуун мянган жилийн хавьд ухаант хүн төлөвшсөн гэж үздэг. Хүн мичнээс үүссэн гэдэг Ч.Дарвины хувьслын онолыг өнөөгийн эрдэмтэд догма буюу үхширмэл үзэл болсон гэж шүүмжлэх хэсэг хүмүүс байна. АНУ-ын Техасаас гурван хумст үлэг гүрвэлийн мөрийн дэргэдээс тэр үеийн хүний нүцгэн тавхайн мөр, Канадын Арктикт зуун сая жилийн өмнөх хүний гарын дардас олдсон нь үнэн бол Homo Sapiense гэдэг ухаант хүмүүн дөнгөж 250 мянган жилийн өмнө Homo Erectus-ээс үүссэн нь худал болж таарах гээд байна уу гэмээр. Миний энэ номонд тэнгэрээс, од гаригаас оюун ухаант хүн юм уу, ямар нэгэн амьтад ирж байжээ, тэрийг нь манай дэлхийнхэн ч юм уу, бидний өвөг дээдэс зураад үлдээчихжээ гэдэг таамаглалыг дэвшүүлсэн хэрэг.

-Та ямар их зоригтой таамаглал дэвшүүлж байх юм бэ?

-Дөрвөөс зургаан сая жилийн өмнө Зүүн Африкийн модон дотор бичнээс үүссэн Ustralopitihecines гэдэг хүн төрхтөн нь яван явсаар ухаант хүн болж улмаар 40 мянган жилийн тэртээ Сибирийн өмнө талд буюу өнөөгийн Төв Азийн өндөрлөгт ирсэн гэсэн онол нь шал худлаа болж таарах гээд байгаа нь 250 мянган жилийн өмнөх Cinan¬thropus буюу Бээжин хүний яс Бээжингийн ойролцоогоос олдсон, Ява арлаас 800 мянган жилийн тэртээх хүний гавлын яс олдсон зэргээр нотлогдох мэт. “Австралиас гадна Мексикт Homo sapiens 250 жилийн өмнө чулуун багаж зэвсгээ бариад ан хийж, аж ахуй эрхэлж байсан гэдгийн нотолгоо байж байх юм” гэж Стевен Стронг нар бичсэн. Мөн “1979 онд Зүүн Африкт Танзани улсын Латоли гэдэг газарт судлаачид галт уулын царцмаг дээр гарсан хүний хөлийн мөр олжээ. Мари Ликэу болон бусад хүмүүс өгүүлэхдээ, энэ мөр нь орчин үеийн хүний мөрөөс ялгагдахааргүй байлаа гэжээ. Тэдгээр эрдэмтдийнхээр бол энэ нь 3.6 сая жилийн өмнөх хүний өвөг дээдэс өнөөгийн хүнийхтэй яг адил хөлтэй байжээ гэсэн үг юм” гэж Мишэл Кремо бичжээ.

-Таны хийсэн хадны зургийн судалгаа ухаант хүн үүссэн цаг хугацаа, орон зайтай чухам ямар учир холбогдолтой болоод явчихав?

-Би дэлхийн мэргэдийн бичиж нийтлүүлсэн зүйлсийг өөрийн судалсан хадны зурагтай харьцуулж энэ номыг гаргасан юм. Сиэтл хотын сансрын “Блю Марбл” дээд сургуулийн одон орны бодис зүйч Димитр Атри газрын гүнд 2.8 км-т байсан савханцар нянг судлаад уг нян гэрэл, нүүрс төрөгч, хүчилтөрөгчийн аль алинаас тэжээл авдаггүй, харин цацраг идэвхт уран, торий, кали зэрэг элементээс гардаг эрчим хүчээр амьдардгийг тогтоосон байгаа юм. Энэ нь маш эрт балрын наана хэлэхэд 2.7 тэрбум жилийн настай байж магадгүй гэнэ. Уг нянг сансраас эх дэлхийд ирсэн, ионжуулсан цацраг туяаны хүчээр тэсэж үлдсэн “гийчин” гэж үзэж байгаа юм байна. Эрдэмтэд сансарт ийм нян амьдрах боломжтой эсэхийг судалсны эцэст сансрын туяа нь ионжуулсан цацраг туяаны эх ундарга байж болзошгүй гэж үзсэн байна. Ийм туяа нь том хэмжээний оддын дэлбэрэлтийн дараа үүсдэг байна. Уг нянг 2002 онд ӨАБНУ-ын алт олборлодог уурхайн гүнээс олж илрүүлсэн аж. Димитр Атригийн үзэж байгаагаар цацраг туяагаар хооллодог “харь гариг”-ийнхан дэлхийн гадаргууд хүрэх боломжтой тийм туяаны хүчээр тодорхой орон зайд амьдарч чадах гэнэ. Энэ мэдээлэл миний таамагласанчлан өөр гаригийнхан алт олборлохоор дэлхийд ирсэн, Улаан нүдэн гариг дэлбэрсэн, Хөхдэй мэргэний одны ордод том сүйрэл болсон зэрэгтэй холбогдоод байна уу даа гэж бодож байгаа.

-Монгол нутагт ухаант хүн хэдий үеэс амьдарч байсан бол?

-Хэнтий аймгийн Норовлин сумын Салхит гэдэг газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг бий. Түүнийг судлаачид одоогоос 600 мянган жилийн өмнө амьдарч байсан хомо эректусынх гэж тодорхойлсон. Хожим нь Францын анторополог, хүний гарал үүслээр мэргэшсэн судлаачид судалж үзээд эртний хомо сапиенсынх байна гэж тогтоосон гэж палеонтлогич Д.Түмэн үзсэн байдаг. 200-100 мянган жилийн өмнө Төв Азид, тэр тусмаа Монгол оронд хүн аж төрж байсан бол Дарвины онол одоогийн залуучуудын хэлээр “будаа болж” байгаа нь тэр. Хүн гэдэг амьтан Африкт үүсээд дэлхийгээр тарсан биш, Азид үүсээд дөрвөн зүгт дэлгэрсэн ч биш, Африкт үүсэх нь үүсээд, Европт үүсэх нь үүсэж, Азид үүсэх нь үүссэн гэдэг таамгийг би дэвшүүлж байгаа юм. Мичнээс хүн үүссэн гэдэг нь худал болох нь мичний хросом 48 байхад хүний хромсом 42 байдгаас харагдана. Монгол дахь археологийн дурсгалууд 300 мянган жилийн өмнөх юм бол хуучин чулууны үе гэдэг хамаагүй урагшлах учиртай. Гэтэл манайхан дөчхөн мянган жилд хамааруулдаг нь утга учиргүй.

-Таны номонд хадан дээрх нисдэг хүний зургуудыг харьцуулж. Энэ нь дэлхийд нисдэг хүмүүс ирж байж гэдгийн баталгаа болно гэж үү?

-2014 оны намар би хадан дээрх дальтай хүний зураг үзэхээр Архангай аймгийн Өлзийт сумын нутагт байх Янгирт гэдэг газарт зорьж очиж зургийг нь дарсан. Жигүүрт хүнийг эртний ацтекууд хадан дээр зосоор зурчихсан байхыг интернетээс би олж харсан. Үүнээс улбаалж хүн төрхтэй жигүүрт амьтад дэлхийд айлчилсан юм биш үү, өөрсдийн үзээгүй амьтныг харахдаа манай өвөг дээдэс хадан дээр тэдний дүрсийг зураглан үлдээсэн юм биш байгаа гэж бодож байгаа юм.

-Та бүр харь гаригийнхан дэлхийд ирснийг эртний хүмүүс хаднаа сийлсэн байна гэж барим тавим өгүүлээд байгаа нь сонирхолтой ёо?

-Өөр гаригийнхны тухайд манай түүхэн сурвалж бичгүүдэд ч дурдсан нь бий. “Монголын нууц товчоо”-нд гэхэд “Монголчуудын дээд өвгө Бөртэ чоно ч Дээд тэнгэрээс заяат төрсөн” гэж тов тодхон өгүүлсэн байгаа. “Их шар тууж”-д “Эндээс дөрвөн түмэн бээрийн дээр огторгуйд асар бат гэгээн хий дүгрэг зөвшөөрөг (нар зөв) эргэн буюу. Түүнд наран, саран одод шүтэж аюу. Тэдний дээр огторгуйд явагчийн тэнгэр нэр сууж…” гэсэн байдаг. Огторгуйд явагч тэнгэр нар гэж өөр гаригийнхныг барин тавин хэлжээ гэхэд төөрөлдсөн хэрэг болохгүй болов уу. Ханбогдын Зүүн хатавч хэмээх цохионд 2013 оны өвөл алдарт Оюу толгойн ордыг нээсэн зартай геологич Гарамжав бид хоёр очлоо. Цохионы урд талд сансрын хуяг скафандртай юм уу гэмээр хүний зураг байх юм. Тэр хүн дуулгатай юм шиг мөртлөө өдгөө АНУ зэрэг оронд өөр гаригийнхныг дүрсэлж байгаатай ижлэвтэр толгойтой өөр нэг амьтантай уяагаар холбогдсон мэт байх юм. Мөн манай Цэвээндорж, Баттулга нарын мэргэдийн “багтай хүн” гэж таамагладаг хүн ч байж байна. Тэр хүнийг орой дээрээ долгион баригчтайгаар данхар толгой, чамархайгаа хүрсэн хөмсөгтэй, том нүдтэй, загзгар биетэйгээр дүрсэлж. Биеийн байдлыг харахад мөн л сансрын хуягтай байж магадгүй. Түүний хажууд дуулганы шил хийгээд хүний нүд гэмээр дөрвөн нүдтэй хүний толгой байх аж. Энэ хоёр хүний дээхэнтэй дээр дороосоо гэрэл цацарсан байдалтай дээрээ тавцан маягийн юмтай нисдэг таваг зурчихсан байх юм. Энэ хаанахын хэн гэгч вэ. Энэ бүхэн л намайг “Дэлхийд эрт дээр үед нисдэг хүмүүс ирж байж” гэж таамаглал дэвшүүлэхэд хүргээд байгаа юм.

-Тэнгэрээс ирэгсэд тэгээд эртний хүмүүсийн уран бүтээлд амилан хаднаа үлдэж гэх гээд байна аа даа?

-Манай их зохиолч Д.Нацагдорж “Од” шүлэгтээ “Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном” гэж зөнтэйгөөр бичсэн байдаг. Оросын “РЕН” телевизээр Америкийн Ерөнхийлөгч Эйзенхаур Америкийн цэргийн N баазад тэнгэрээс ирэгсэдтэй хэлэлцээр хийжээ гэсэн мэдээг цацав. Энэ бол тун ноцтой мэдээ байсан. Худлаа бол америкчууд “Ийм тийм юм болоогүй” гээд уг мэдээг няцааж байх учиртай. Гэтэл тэгээгүй. Тэгэхээр цаанаа учиртай л зүйл байсан байх.

-Эвэртэй хүний гавлын яс хүртэл олдсон тохиолдол байдаг гэв үү?

-Эвэртэй хүний зураг хадан дээр элбэг үлдэж. Ханбогдын Жавхлант, Шийр, Далайн дуулгын Хөх үзүүр, Зүүн хатавч зэрэг газрын хаданд тийм зургууд нэлээд хэд таарсан. 1835 онд дэлхийн археологийн түүхнээ хүний нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн нэгэн нээлт гарсан. Манай говьд малтлага хийсэн Бельгийн эрдэмтэн Фридрих Мейснер хүний эвэртэй хохимой толгой олж. Археологич эхлээд хүний гавлын ясанд эвэр суулгасан байх гэж бодож л дээ. Тэгэх нь ээ, эвэр гавлаас нь ургасан байж.

Мөн 1880-аад онд Английн Бредфорд гүнлэг дэх нэгэн хиргэсүүрээс хүний эвэртэй гавлын яс хэд хэд гарсан байна. Хөмсөгний нь төвгөр яснаас дээш хоёр ямхын орчимд ургасан эврээс өөр гажиг эдгээр хүмүүсийн араг ясанд байсангүй. Эдгээр нь хэдий үеийн хүмүүсийн яс вэ гэсэн асуултад “Эртний” гэсэн ганц үгээр бөөрөнхийлж орхисон байдаг.

-Энэ тухай гадны эрдэмтэд юу гэж үздэг юм бол?

-Австралид харь гаригийнхны сансрын хөлөг сүйрсэн тухай эрдэмтдийн бичсэнийг би уншиж байсан. Тэрэн шиг манай говьд тийм нэг хөлөг сүйрээд түүнд явсан одны хүний яс олдсон нь тэр эвэртэй хүний гавлын яс юм болов уу гэж бодох үе бий. Алдарт жанжин Македоны Александрыг монголчууд андахгүй байх. Түүнийг эртний монголчууд Сулхарнай буюу хоёр эвэрт гэдэг байлаа. Яагаад хоёр эвэрт гэв ээ. Александр толгойдоо төрөлхийн эвэртэй байжээ. Чингээд үсчнээр үсээ засуулаад, эврийг нь үзсэн тэр үсчнийг цаазаар авч байсан гэнэ. 2016 оны хавар Архангай аймгийн Цэцэрлэг сумын нутаг Өвгөн Хонгоржийн дүгнэгэр ууланд Боловсролын их сургуулийн захирал, профессор Мөнхжаргал, археологич Эрдэнэбаатар бид гурав үйлтэй хадны зургаа авч явтал эвэрт хүний зураг үзээд хөл газар хүрэхгүй баярласан.

Нөгөө манай говиос олдсон эвэрт хүний толгой л шууд санаанд бууж байгаа юм. Дундговь аймгийн Дэл уулын Баруун билүүний хойт үзүүрт гурван эвэрт хүн байна гээч. Оросын археологич Э.А.Новогородова “Шивирийн Лена мөрөн, Байгаль далайн хадны зургуудад “хоёр эвэртэй” хүн төрхтний дүрс элбэг байдаг, Ангарт гараа өргөсөн, “гурван эвэрт”-ийн дүрс дайралддаг” гээд эдгээрийг “сансрын утга бүхий” гэж нэрлэсэн нь учиртай. Америкт Ацтек нар эвэрт хүнийг зосоор зуран үлдээсэн байх юм. Зургаан метр өндөр үлэмж биетний араг яс олдсоныг эрдэмтэд хараахан нууцыг нь тайлж чадаагүй л байна. Гайхалтай яа. Энэ мэт олон сонирхолтой зүйл хадны зургийг тайлан уншиж олж харах боломжтой байгаа юм.

-Мөн ч сонирхолтой ном болжээ?

-Энэ номыг маань академич Д.Цэрэнсодном ариутган шүүж, өмнөтгөл бичсэн. Англи хэлнээ орчуулагч Г.Дэлгэрмаа орчууллаа. Номоо “Одот тэнгэр оорцог хадан дээр”, “Огторгуй дахь хуйлрал оршуулгын хөшөөн дээр”, “Хариас ирэгсдийн хөлөг ханан хадан дээр”, “Тэнгэрээс ирэгсэд тэрэм хадан дээр”, “Жигүүрт хүн цохио чулуун дээр”, “Эвэрт хүн элгэн хадан дээр”, “Сүүлт хүн чулуун дээр”, “Үлэмж биет үхэр чулуун дээр” гэх мэт нэлээд хэдэн бүлэгт хувааж орууллаа. Ном зүй л гэхэд монгол, англи, орос хэлээр гарсан дөчөөд номыг жагсаалтаар орууллаа. Сая номын баяраа хийхдээ зарим номоор нь үзэсгэлэн гаргасан. Юм баримттай байх нь дээр биз дээ.


Categories
мэдээ цаг-үе

П.Дэлгэржаргал: Чингис хааны алтан ургийн гол цөм Монголдоо үлдсэн

“Монголын эртний түүх” таван боть номын нээлтийн үеэр

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Дэлгэржаргалтай уулзаж хөөрөлдлөө.


-“Монгол Улсын түүх” номын ерөнхий редактороор ажилласан байсан. Энэ бүтээлийн онцлог юу байв?

-Энэ онд МУИС-ийн Түүхийн тэнхим байгуулагдсаны далан жилийн ой тохиож байгаа. Ойд зориулж МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох, бие даасан, шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээтэй иргэнийг бэлдэх зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудад зориулан “Монгол Улсын түүх” сурах бичгийг шинэчлэн бичлээ. Эл сурах бичиг Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүхийг энгийн ойлгомжтой үг хэллэг ашиглан шинэ өнгө төрхөөр, сонирхолтой хэлбэрээр бичсэн, арван зургаан зохиогчтой бүтээл болсон. Үндсэн бичлэгийг газрын зураг, гэрэл зураг, зурагт хуудас, хүснэгт, бүдүүвч, нэрийн хэлхээстэй хослуулсан. Эх орны түүхийг суурь асуудлуудад төвлөрүүлэн дэлхийн болон бүс нутгийн түүхтэй холбон бичихийг зорьсон. Уншигчдын шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Эх сурвалжаас”, “Түүхчид, судалгааны асуудал”, “Өнгөрсөн, одоо” зэрэг булангуудыг бүлэг бүрт шигтгэн орууллаа. Бүтээлийг бүтэн хоёр жилийн хугацаанд Түүхийн тэнхимийнхээ эрдэмтэн мэргэдийн хамт бичилцсэндээ туйлын баяртай байна.

-Болоод өнгөрсөн түүх ер нь тийм чухал зүйл мөн үү?

-Хүнийг хүн болгож байгаа, Монголыг Монгол болгож байгаа зүйл бол өнгөрсөн түүх. Дэлгэржаргалыг Дэлгэржаргал болгож байгаа зүйл бол яах аргагүй миний өнгөрсөн үе. Өөрийгөө ойлгож танина гэдэг маш чухал. Хэдий чинээ өөрийгөө ойлгож мэднэ төдий чинээ ирээдүйгээ тодорхойлж болохтой адил өнөөдөр байгаагаа илүү сайн ойлговол ирээдүйг тодорхойлох боломж байж байдаг.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлээр “Монголын эртний түүх”-ийн таван боть хэвлэгдсэн. Та энэ ботиудын аль ботиуд дээр ажиллав?

-“Монголын эртний түүх” төслийг Монгол судлалын үндэсний зөвлөлөөс дэмжиж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэвлэлийн зардлыг гарган хэвлүүлж цагаан сарын өмнө нээлтээ хийсэн. Хүннүгээс авахуулаад Кидан гүрэн хүртэл Монголын эртний улсуудын түүхийг таван ботиор бичсэн томоохон бүтээл юм. Манай сургуулийн түүхийн болон археологи антропологийн тэнхимүүд, ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн түүхч эрдэмтдийн хамтын бүтээл л дээ. Миний хувьд таван ботийн ерөнхий редактороор ажиллаж, Хүннү, Сяньби гүрэн гэсэн эхний хоёр ботийг бичсэн. “Жужань”, “Түрэг, Уйгар”, “VI-XII зууны монголчууд буюу Кидан” гэсэн таван боть байгаа.

-Доройтож буй үндэстэн өнгөрсөн түүхээрээ бахархдаг гэсэн гутранги үзэлтэй хүмүүс ч байх юм. Бид үнэхээр мандан бадарсан түүхтэй өвөг дээдсийн үр сад атлаа өнөөдөр яагаад хөгжиж дэвжиж чадахгүй байна вэ?

-Ард түмэн л зөвхөн түүхтэй байдаг. Тэрнээс хувь хүний түүх гэж байхгүй. Тиймээс л бид “Монголын түүх”, “Оросын түүх”, “Хятадын түүх” гэж тус тусад нь ярьдаг. Ард түмэн мөнхөд оршин тогтнодог учраас түүх тасралтгүй явж байдаг. Монгол Улс, монгол үндэстэн байгаа цагт Монголын түүх тасралтгүй үргэлжилнэ. Том улс гүрнүүд түүхэндээ яагаад ач холбогдол өгөөд байдаг вэ гэвэл үндэстнийг үндэстэн болгож байгаа зүйлийн гол цөм нь түүх юм. Үндэсний адилслыг бий болгодог юм чинь түүхэн ой санамж. Монгол Орос, Хятадаас яагаад өөр вэ гэвэл өөрийн түүхэндээ л онцлог нь байгаа. Дэлхий дээр хэдэн үндэстэн байна, тэр бүхэн өөр өөр. Өөр байгаагийн шалтгаан нь түүхэндээ л байгаа. Өнөөдөр бид баян байя, сайхан амьдаръя, эх орон юу ч биш гэж боддог болчихсон бол “Түүх юу юм бэ” гэж хэлэх байх. Үүний цаад санаа нь “Мөнгөтэй л байвал тусгаар тогтнол юу юм” гэсэн үг шүү дээ. Тусгаар тогтнол юугаараа үнэ цэнэтэй байдаг вэ гэвэл эх орныхоо эзэн байх гэсэн ганцхан л юм байгаа. Бид тусгаар тогтнолгүй бол хэн нэгний зарц боол байх тавилан л угтана. Баян байгаад боолын боол, босгоны шороо байх уу, “Бор гэртээ богд, хар гэртээ хаан байх уу” гэдгийн үнэ цэнэ тэс өөр ойлголт л доо. Эх оронтой байх, эх оронгүй хүн хоёрын ялгааг нэг бодоод үзээсэй. Тусгаар тогтнолын төлөө хүн амь насаа яагаад өргөөд байна вэ гэдэг чинь ганцхан өөрийнхөө нэг насны амьдралын төлөө бус үр хойчийнхоо л сайн сайхны төлөө юм. Бид хэтэрхий амин хувиа хичээж түүх юу юм бэ гэж нулимж болохгүй. Хөгжил дэвшлийн тухайд өөрийнхөө уламжлал дээр суурилсан зүйл л жинхэнэ хөгжил. Тэрнээс бусдыг дуурайж хуулсан хөгжил хөгжил биш. Оюун санааны боол болж байгаа л үзэгдэл юм. Бид өрнөдийг, Хятадыг, Солонгосыг дагаад явж болно. Мөн чанартаа Солонгос нь Америкийг хуулчихсан л явж байна шүү дээ. Арвангуравдугаар зуунд монголчууд дэлхийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байсан гэхээр нүүдлийн соёл, иргэншил гэдэг өөриймших содон зүйлтэй байсан хэрэг. Бусдыг дагаж хөгжинө гэдэг мотор нь өөр гүрнээс хамаарна аа л гэсэн үг. Чиргүүл хэзээ ч хөдөлгүүр, зүтгүүрийнхээ өмнө гарахгүй.

Эцсийн дүндээ өөрийнхөө мөн чанарт тулгуурласан хөгжил л хамгийн агуу. Тийм учраас том гүрнүүд өөрийн түүхэндээ ач холбогдол өгч байна. Хятадын эрдэмтэд “Бидний гурван мянган жил бий болгосон соёлыг гучхан жилийн дотор өрнөдийн иргэншил арчаад хаячихлаа. Одоо яах вэ” гэж халаглаж байна. Манайхыг бодоход, олон мянган жилийн түүхтэй, тэрбум гаруй хүн амтай том айл өрнөдийн иргэншлээс айгаад, санаа зовоод сууж байхад бид юм бодохгүй л бол болохгүй.

-Чингис хаан болоод тэдний үр сад дэлхийн наран ургахаас жаргах хүртэл өргөн уудам газар нутгийг эрхшээхдээ Монголын хамгийн сор болсон хэсгийг аваад аян дайнд явчихсан, арга чарга хайсан арчаагүй залхуучууд нь монгол голомтод үлдсэн учраас өнөөгийн Монгол Улс олигтой хөгжихгүй байна гэж үзэх хэсэг байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Дэлхий даян монголчуудыг оюуны чадамж өндөр ард түмэн гэдэгт итгэж, одоо ч тусалж дэмжиж байгаа. Тийм агуу түүхтэй ард түмний үр садад жаахан туслаад өгвөл өөрөө өөрсдийгөө аваад явчихна гэж харж байна шүү дээ. Аян дайнаар Монголын оюунлаг, бие бялдар төгс төгөлдөр хэсгийнхэн гадагшаа явсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Чингис хааны алтан ургийн гол цөм нь Монголдоо үлдсэн. Алтан ургийнхны гол цөм чинь Тулуйн үр сад их хаан Мөнх, Хубилайн үр сад шүү дээ. Хубилайн үр сад гэхэд Бээжинд төвлөн сууж байгаад Тогоонтөмөр хааны үед Монголдоо ирсэн. Хэдийгээр Манжийн дарлалд орсон ч гэсэн хорьдугаар зууны эхэн үе хүртэл Чингисийн алтан ургийнхан л Монголыг захираад байж байсан. Алтан ураг гэдэг чинь дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Манжууд хүртэл Чингисийн алтан урагтай л холбоотой байхыг эрмэлзэж байсан. Тиймээс Монголын хамаг шаар шавхруу нь л төрөлх нутагтаа үлдчихсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Агуу түүхийг бүтээсний хойно бууран доройтохоор тэгж бодох хүмүүс байдаг байж магадгүй л дээ. Агуу эзэнт гүрэн байгуулж байсан ард түмэн үргэлжийн мандан бадралын мөчлөгтөө байгаад байх нь дэлхийн түүхэнд ховор. Хэрвээ тийм байсан бол аль нэг эзэнт гүрэн дэлхийд хэдэн мянган жил ноёрхоод байж байна. ЗХУ гэж ямар хүчтэй гүрэн байлаа. Байж л байх юм шиг л санагддаг байсан. Далхан жил оршин тогтноод задарч бутраа биз дээ. АНУ одоо мундаг байна л гэж байна. Гэтэл мандан бадралынх нь үе төгсөх гэж байна гээд байгаа. Энэ хоёр гүрний хувьд гэхэд л зуугаадхан жилийн л түүх яригдаж байна. Тэгэхэд монголчууд XIII-XIV зуун гээд дэлхийн түүхийн бүтэн хоёр зуун жилийг дамнан эрхшээнэ гэдэг хэр баргийн ард түмний чадахгүй, чадаагүй зүйл. Хүчирхэг гүрэн мандан бадарч, задарч бутардаг нь түүхэн хөгжлийн зүй тогтол. Эртний Грек, Ром, Египетийн иргэншил чинь одоо үндсэндээ мөхсөн. Харин монголчууд энэ олон зуун жилд төр ёсныхоо уламжлалыг хадгалаад өдий зэрэгтэй яваа чинь бидний үндэсний бахархал.

-Грек, Ром, Египет гээд эртний их гүрнүүд одоо ч оршин тогтносоор байгаа биз дээ. Тэгэхэд дэлхийн түүхийн магнайд бичигдэж явсан монголчууд шиг газар нутгийн хувьд ч давжаарсан, хөгжлийн хувьд хоцрогдсон ард түмэн байхгүй байх шиг?

-Тэр их гүрнүүдийг залгамжилсан улс байхгүй, үндсэндээ байхгүй болтлоо мөхсөн. Египет улс гэхэд л египетүүд биш арабууд байж байна. Ромын эзэнт гүрний суурин дээр гэхэд цоо шинэ иргэншил үүссэн. Дэлхийн түүхийг тодорхойлж байсан иргэншлүүд тухайн үндэстэндээ үлдсэн гэхэд хэцүү. Монголчуудын иргэншил бол өөр үндэстэнтэй холилдоогүй үлдсэн. Ромыг өнөөгийн итали гэж ойлгож болохгүй. Ром гэж хотын нэр л үлдсэн.

-Монголчууд эв эе хагаралдсан үедээ бусдын зууш болж байсан гашуун түүх элбэг. Энэ их хагарлын үүдийг Чингис хаан, Хасар гэсэн нэгэн хэвлийгээс төрсөн ахан дүүстэй ч холбох нь байна. Одоо бүр хэрээс хэтрээд Өндөр гэгээн Занабазар, Галдан бошигт хоёрыг харилцан буруутгаж, халх, ойрадаараа талцах боллоо?

-Улс төрийн эцсийн зорилго нь эрх мэдэлд хүрэх зам. Эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа тохиолдолд зөрчил мөргөлдөөн зайлшгүй байдаг. Аль ч улс орон нэгдсэн цагтаа хүчирхэгждэг, хагаралдсан үедээ бууран доройтдог. Энэ бол түүхэн зүй тогтол. Хятадад ч, Монголын түүхэнд ч ийм үе байсан. Зөвхөн монголчууд л хоорондоо тэмцэлдээд хагаралдаад байсан юм биш. Монголчууд гадны улс орныг бас хооронд нь тэмцэлдүүлж байгаад эзлээд авч байсан тохиолдол олон. Ноёдыг нь хооронд нь хагалган бутаргах чинь Монголын эзэнт гүрний том бодлого байлаа. Хэдий чинээ том бодлого явуулж байна тэр гүрэн төдий чинээ том. Үүнийг л империйн бодлого буюу империализм гээд байгаа шүү дээ. Эзэнт гүрний бодлого бусдын дотоод хэрэгт хүртэл оролцож байна. Гегелийн “Агуу хүн агуу зорилготой байдаг, өчүүхэн хүн өчүүхэн зорилготой байдаг” гэсэн нэг үг байдаг. Өнөөдөр манай хувьд гадаадад бүү хэл дотооддоо хагаралтай бодлоготой болчихсон. Манай эзэн хаан Чингис дэлхийн бодлоготой агуу хүн байж. Гэтэл өнөөдөр авлига, хээл хахууль ихэслээ гээд шуугиад байгаа биз дээ. Чингис хаан шиг, Наполеон шиг дэлхийн бодлоготнуудыг өнөөгийнхөөр бол “Манайхыг битгий эзлээрэй” гээд хэдэн доллараар худалдаад авчихна байна шүү дээ. Агуу зорилготой хүмүүс хэзээ ч худалдагдахгүй л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Г.Аюурзана: “Сахиуст хангайн нууц” романдаа хошуу ноёныхоо хувь тавиланг бичсэн

Жоан Мирогийн бүтээлийн өмнө

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Гүн овогт Гун-Аажавын Аюурзанатай хөөрөлдлөө.


-Л.Өлзийтөгс зохиолчийн бүтээл франц хэлээр гарсан гэж сонссон. Харин энэ тухай өөрөө ч энд тэнд ярьсангүй. Тийм болохоор хэвлэл мэдээллээр тодорхой зүйл алга. Та нарийн ширийн мэдээлэл өгөөч.

-Бельги, Голланд, Люскембург улсууд дахь манай ЭСЯ тэр номын нээлтээс өмнөх арга хэмжээг Европын Ази судлалын хүрээлэнтэй хамтарч зохион байгуулсан юм. Тэр тухай ЭСЯ-ныхаа вэб хуудсанд нийтэлж, түүнээс нь зарим нэг сайт, “UB Post” сонин авч мэдээлсэн байсан тул ахиж ярья ч гэж санасангүй. Товчоор хэлэхэд, “Аквариум: Өнөө цагийн монгол новеллууд” гэсэн нэртэй, Өлзийгийн хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн номуудаас түүвэрлэж авсан арван хэдэн өгүүллэгээс бүрдсэн ном. Хэвлэсэн газар нь улс орнуудын хүүрнэл зохиолоор ижил хэлбэр, хэмжээтэй цуврал ном гаргадаг юм билээ. Оросоос л лав Владимир Тендряковын “Олз”-ыг тэр цувралаар хэвлэсэн байна. 2015 онд уг зохиолоор хийсэн кино дуулиан тарьж байсан даа, хүмүүс мэдэх байх.

-Франц хэлээр хэвлэгдсэн монгол номын нээлтийг манай эСЯ зохион байгуулсан гэсэн үг үү?

-Номын албан ёсны нээлт Брюсселийн, Парисын гэсэн хоёр номын яармаг дээр болсон. Элчин сайдын яамных бол өөр ажил. Албан ёсны нээлтээс өмнө “вернисаж” хэмээх танилцуулга, бяцхан баяр хийдэг уламжлал байна. Бельги болон Франц улс дахь Монголын ЭСЯ тийм вернисажуудыг зохион байгуулсан хэрэг. Ам нээснийх уушги нээ гэгчээр, Өлзийгийн ном франц хэлээр хэвлэгдсэнтэй холбогдуулж сэтгэл тавин, сонирхолтой ажлууд бэлдсэн хоёр ЭСЯ-ны ажилтнуудад гүнээ талархаж байгааг энэ ярианд заавал оруулж дурдаарай. Эхний вернисаж дээр Элчин сайд О.Оч францаар нээлтийн үг хэлсэн нь тэнд цугласан гадаадынханд ч, бидэнд ч сайхан санагдсан. Ном хэвлэгдсэн хэлийг хүндэтгэсэн, их утга учиртай хэрэг л дээ. Харин Франц улсад суугаа Элчин сайд М.Батсайхан өөрийн багаа маш мундаг хөдөлгөж, мартагдахааргүй сайхан баяр зохиосон. Урьд нь жирийн уран бүтээлч бидэнд Элчин сайдын яамд их л холын, тусгай газар мэт санагддаг байлаа. Харин одоо өөр болжээ. Европ дахь Элчин сайдын яамд дандаа оюунлаг сайхан залуусаар хүрээгээ тэлсэн байна. Монголын гадаад сурталчилгааг зөвхөн аялал жуулчлал, хөрөнгө оруулалт төдийхнөөр харж байсан цаг өнгөрч, уран бүтээл, оюуны соёлыг анхаарах болсныг дээрх хоёр Элчин сайдын яамны ажилтнуудын хандлагаас мэдэрсэн.

-Дэлхийн хэмжээний номын яармаг гэхээр их л онцгой сонсогдож байна. Яг юу юу болох юм бэ дээ?

-Брюсселийн номын яармаг бол франц хэлт орнуудын хэвлэлийн ертөнцийн хамгийн том үзэсгэлэн. Франц, Бельги, Люксембург, Швейцарь, Канадын аль л нэртэй хэвлэлийн газруудын тухайн жилийн гол гол хэлцлүүд энд хийгдэж, сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ танилцуулж, шинээр гарч буй номуудынхаа нээлтийг хийдэг, маш чухал арга хэмжээ тул оролцдог шалгуур нь нарийн, төлбөр түрээс нь харьцангуй өндөр гэсэн. Прүст, Сартр, Камюгийн номуудыг дэлхийд анх түгээсэн алдарт “Галлимар” хэвлэлийн газар хамгийн төв хэсгийн, хамгийн том зайг эзэгнэн, дөрвөн хэсэг асар засч, хэвлэсэн номуудаа төрөлжүүлэн танилцуулж байсан нь аргагүй ялгарч байв. Яармагийн талбай нь манай “Мишээл-Экспо”-рхуу, үзэсгэлэнгийн зориулалтын том байшин. Хэвлэлийн газар бүрийн асрын үүдээр зүгээр л хараад өнгөрөхөд дөрөв, таван цаг алхахаар. Мэдээллийн самбарт номын яармагийн зургаан өдрийн хөтөлбөрийг жагсааж, аль хөтөлбөр хаахна болохыг нарийн заасан байна. Хамгийн сонирхолтой нь, энэ эгнээнд хэвлэлийн газрууд байна, энэ эгнээнд уулзалт ярилцлагууд болох нь, энэ эгнээ мэдээллийнхнийх гэж тоймлох ямар ч аргагүй. Нэг булангийн том танхимд зохиолч-уншигчийн уулзалт болж байхад, цаахна нь номын нээлт, ахиад нэг тийш эргэхэд комик номын баяр, нөгөө талд нь зурагтын бичлэг явагдаж байх жишээтэй. Өлзийгийн номыг танилцуулах арга хэмжээний товыг онцгойлсон зарлал гэдэг том самбар дотор тодоор зурж тавьсан байсан. Бас номын орчуулагч Р.Мөнхзул “Ховор хэлний орчуулагчид” гэсэн дугуй ширээний ярилцлагад литва, македон зэрэг хэлний орчуулагчидтай хамт оролцсон гээд бодохоор Брюсселийн яармаг монгол ном францаар гарсан явдалд их ач холбогдол өгсөн байгаа биз. Яармагийн гол танхимд Өлзий Бельгийн хамгийн том радио “La Prem1ere”-д үзэгчдийн өмнө шууд ярилцлага өгсөн. Дидье Мелон гээд их алдартай сэтгүүлч хөтөлсөн болоод ч юм уу, тэр ярилцлага маш сайхан болсон.

-Парисын номын яармаг гэдэг нь Брюсселийнхээсээ арай бага юм уу?

-Хамарч буй талбай, оролцож буй хэвлэлийн газруудаар нь жишихэд бол бага биш. Бүр Хятад, Япон, Орос, Тунис, Марокко, Алжир гээд маш олон орон тусгай асрууд засчихсан байгааг харахад илүү том ч юм шиг санагдсан. Гэхдээ нэр хүндээрээ Брюсселийнх нь илүү. Францчууд номын яармаг дээр хүүхдүүдээ их дагуулж ирэх юм. Хаа сайгүй хүүхдүүд гүйлдэж, нас насанд нь тохирсон номуудыг эцэг эх нь авч өгч, зохиогчдоор нь хүүхдэдээ зориулсан үг бичүүлж, бүр гэр бүлийн баярын хэмжээнд номон дундуур зугаалцгааж яваа нь их сайхан санагдсан. “Аквариум” номыг гаргасан хэвлэлийн газрын зүгээс Парис дахь номын нээлттэй холбогдуулж маш олон уулзалт, ярилцлага төлөвлөсөн байна лээ. Найм, есөн өдөр дараалсан арга хэмжээтэй байсан гээд бод доо. Өлзий бүр шөнийн, анархист радиод хүртэл яриа өгсөн шүү. Төр засгийг шүүмжилдэг тул нууц байртай, гаднаа хаяггүй, гэхдээ их олон сонсогчтой, өвөрмөц радио байна лээ. Ярилцлага авч байгаа сэтгүүлчдийг нь үнэхээр хүндэлсэн. Маш мэдрэмжтэй. Сэтгүүл, сонин, радиогийн арав гаруй хүн яриа авахад бүгд л Өлзийгийн номыг маш нягт нямбай уншсан байсан нь гайхалтай. Манайд бас гардаг “TV-5 Monde” телевизийн сурвалжлагч л гэхэд Өлзийгийн номыг уншаад, дараа нь Монголын нийгэмд ямар асуудал зонхилдгийг судалж үзсэн байсан. Ярилцлагад тэгж бэлддэг сэтгүүлч манайд бол цөөхөн.

-Ингэхэд, та хоёр яг хаа хаана зочлоод ирэв. Явсан газрын сонин их биз?

-Хоёр яармагийн дунд арваад хоногийн чөлөө гарсан тул бид эхлээд Бельгиэс Холланд явсан. Дараа нь Францаас Испани, Итали гэхчилэн тойрч аялсаар нутагтаа ирлээ.

-Дэлхийн алдартай урлагийн музей, галерейгаар их оров уу?

-Ер нь бол очсон хот бүрийнхээ урлагийн гол гол бүх музейг дуусгасан л даа. Амстердамын Стэдэлик, Парисын Помпидоу, Брюсселийн Магритын музей, Барселоны Мирогийн сан, Ромын Форум, Ватиканы музей юу юунаас илүү сэтгэгдэл төрүүлсэн.

-Нэг хотод дунджаар хэдэн музей, галерейд очиж байв?

-Олон шүү. Нэлээд хотуудад бүх музейг үзэх эрхтэй Арт-паспорт гээд нэгдсэн тийз аваад явсан болохоор бүгдийг амжуулахаас өөр аргагүй байлаа. Зарим өдөр гурван музей үзэж амживч, зарим өдөр нь нэг музейгээ ч барахгүй байх жишээтэй. Барселоны MACBA-СССВ хэмээх орчин үеийн урлагийн музейд бүр хонохоо шахсан. (инээв) Ер нь Барселон бол тэр чигээрээ урлаг болсон хот. Санаандгүй салхилж явтал гэнэт өмнө Гаудигийн барьсан байшин таарна. Үнэхээр гайхамшигтай. Тэнд долоо хоног төлөвлөж очоод, дөрвөн хоног сунгасан шүү.

-Зохиолч хүнтэй уулзсаных шинэ бүтээлийнх нь талаар асуухгүй өнгөрвөл алдас болох байх. Саяхан хэвлэгдсэн “Сахиуст хангайн нууц” романд юун тухай өгүүлдэг бол?

-Яг ийм үйл явдал гардаг, тийм зүйлийн тухай ном гэж хэлэхэд хэцүү л дээ. Өвөг дээдсийнхээ олон үе аж төрсөн Хангай нутгийн тухай, тэр нутгийн онцлог, хүн зоны ер бусын өвөрмөц хувь заяаны тухай хошууныхаа сүүлчийн ноёноор гол дүр болгож бичсэн, ерөнхийдөө сэтгэлзүйн ч гэх юм уу, хүний дурсамж, дотоод ертөнц рүү өнгийсөн зохиол.

-Та хошууныхаа сүүлийн ноёны тухай бичлээ гэлээ. Би бас эрдэнэ засаг Жамьян вангийн хошууны хүн л дээ. Танай хошууны сүүлчийн ноён Пүрэв гүн хожим Бөмбөгөр ногоон театрт нэрээ нууцлаад хөгжмийн багш хийж байсныг нутгийнхан хараад таньсан гэдэг. Бүр алдарт Түдэв хуурчийг Пүрэв гүн гэх хүн ч байдаг юм билээ. энэ яг бодит түүх үү?

-Пүрэвжав ноён Бөмбөгөр ногоон театрт хөгжмийн багш явсан нь үнэн түүх. Нэрээ нуугаагүй ээ, Пүрэв гүнээрээ л явсан. Пүрэв, Түдэв хоёр нэр ойролцоо, хоёулаа гүн хэргэм зэрэгтэй, бас манай ноён морин хуурыг ч сайн тоглодог байсан тул анх пянз гарч “Дорждагва дуулж Түдэв хуурдана” хэмээн зарлахыг сонсоод хүмүүс “Манай хөгжимч ноён нэрээ сольчихож” гэлцсэн юм шиг билээ. Түдэв гүн чинь одоогийн Дашинчилэн хавийн ноён шүү дээ.

-Ятгаар уртын дуу дарж, уйлуулж дуулуулдаг байсан сүүлчийн хүн гэж та ярьсан байна лээ. Одооны алдарт ятгачид маань гомдчихгүй байгаа?

-“Ятгаар уртын дуу тоглох боломжгүй, ганцхан Пүрэв гүн л чаддаг байсан” гэж алдарт уртын дууч Дорждагва агсан яруу найрагч Жамцын Бадраа гуайд ярьсан байдаг юм. Тэр хоёр мундаг хүний хөөрөлдөөнд тэгж онцгойлсныг бодоход хосгүй ятгачин байсан нь ямар ч эргэлзээнгүй.

-Пүрэв гүний хошууны ихэс дээдсийн бунхант шарилууд одоо ч Гурванбулаг сумын Шарилын Нарийн хамар гэх газар бий. Тэнд очиж үзэв үү?

-Очилгүй яахав дээ. Би чинь гурван настайгаасаа л зун болмогц Гурванбулаг явдаг байсан хүн. Эмээ сэрүүн уулын хүн тул аймгийн төвийн халуун зуныг тэвчдэггүй байж. Тэгээд л намайг аваад замын машинд суугаад л Хангай руугаа явна. Намайг анх ухаан ороход л, би ачааны машины бүхээгт эмээгийн өвөр дээр суучихсан, халамцуу жолооч ардын дуу дуулчихсан, хажуугийн цонхоор том том гол байсхийгээд л харагдаж, гол бүрт машин суучихсан байсан санагддаг. Зургаа, долоон нас хүрэхдээ тээврийн жолооч нарын дуулдаг том хүний дуунуудыг андахгүй мэддэг болчихсон байлаа шүү дээ. (инээв) Гурванбулаг руу тэр үед зуур хонож хүрдэг, ямар ч байсан хэдэн дуу сурчихаар, тийм л урт зам байсан юм даа.

-Та хошууныхаа сүүлчийн ноён Пүрэв гүний тухай бүтэн роман бичлээ. Түүнээс ч дутахгүй нэг алдартай ноён бол халх даяар “Мэргэн Жа гүн” хэмээн алдаршсан хүний тухай зохиол бичих бодол байгаа юу?

-Мэргэн Жа гүний бунхан одоо Шарилын бэлд байгаа шүү дээ. Ач хүү нь Сэцэн гүн, Сэцэн гүний хүү нь Дархан ноён. Пүрэв гүн бол Дархан ноёны хүү юм. Энэ ноёдын тухай миний романд байгаа, байгаа.

-“Сахиуст хангайн нууц” романы зургуудыг охин тань зурлаа гэсэн. Мэргэжлийн зураач юм уу?

-Юуных нь мэргэжлийн зураач байх вэ. Дунд сургуулиа л төгсөж яваа нялх амьтан. Гарын дор юм болохоор, аав нь охиноо л зарж байхгүй юу.

-Гэргийн тань ном франц хэлнээ гарсан нь үнэхээр сайхан явдал болж. Таны бүтээлүүдийг гадаадын аль нэг хэлэнд орчуулъя гэсэн санал аль хэр ирэв?

-Яригдаж байгаа, явагдаж байгаа ажлууд мэр сэр бий. Орчуулагдаж гарсан ном ч цөөнгүй бий. Тоочоод яахав, зарим нь гайхууллаа гэж бодно. Бид хоёр мөрөөрөө л шүлэг зохиолоо бичээд амьдарч яваа хүмүүс. Сэтгүүлчид шалаад байхаар нь ярилцлага өгчихөөр гайхуулсан болчих гээд. Өөрөө сэтгүүлч байсан болохоор хамт ажиллаж явсан хүмүүстээ үгүй гэж хэлж чадахгүй юм.

-Та “Яруу найргаас зодог тайлж байна аа хө” гэж надад ярьж байсан. Одоо шүлэг найраг туурвиж байна уу?

-Тийм яриа өгснөөс хойш ганц хоёр шүлэг бичсээн, бичсэн. Гэхдээ л хамаг сэтгэлээ хүүрнэл зохиол руу тавьж сууна даа.

-Ардын дуунд гардаг “Хөглөг хангай” нутаг тань одоо таны бүтээлээр “сахиуст хангай” боллоо. Нутагтаа ойрд очихоор товлож байгаа юу?

-Сахиуст хошуу гэдэг нэр бол бүр эртний юм аа. Одоо хэр тэр гурван суманд л сахиус гэж байна. Нууц нь тайлагдаагүй, зөвхөн тэр халзан Хангайн уулстай холбоотой, нарийн учиртай эд шүү. Романыг минь уншсан хүмүүс гайхах л байх. Тэр түвдүүдийн ярьдаг, лам нарын түгээмэл ойлголтын сахиусаас тэс ондоо. Гэхдээ үнэн нь л тэр. Манай Хангайн оюун сүнс гэж үнэхээр бий шүү. Нутагтаа очихын хувьд бол байнга л явдаг. Зун болмогц л Баянхонгор минь, Номгон уул минь, Түйн гол минь бодогдоно, аймагт очмогц л Хөх нуур санагдана. Манай тэр нуур ч газарт тунасан гайхамшиг даа. Усных нь амтыг яана.

-“Хэвтрийн хүн” тууж тань найруулагч Бямбын найруулгаар дэлгэцийн бүтээл болж байгаа гэл үү?

-Болох нь ээ. Каннын кино наадмын том сангаас дэмжсэн байна лээ. Бямбаа ахдаа амжилт хүсье.

-Таныг кино зохиолч Хөгөлбөө Хүчитхар агсны бүтээлийн чуулганыг эмхэтгэн гаргаж байгаа гэж сонссон?

-Үгүй ээ, Хүчээгийн ах, “Чингис хаан” дээд сургуулийн захирал, түүхийн ухааны доктор Х.Лхагвасүрэн эмхэтгэж цэгцлээд гаргахаар ажиллаж байгаа. Би зүгээр л өмнөх үг бичсэн.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон, цэнгэлдэхэд барилдаад арслан болсон Пагмын Аюуш

Улсын арслан П.Аюушийн хүү А.Бандимаамынд. 2017.04.29

Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон, цэнгэлдэхэд барилдаад арслан болсон Пагмын Аюуш Ардын хувьсгалын ойн баяр наадамд улсад түрүүлсэн арслан цолтон Баянхонгор аймагт ганц бий. Уг нь улсын гарьд Пунцагийн Сүхбат агсан энэ нэр хүндтэй цолыг улсын наадамд барилдсан амжилтаараа авах ёстой гэдэг яриа ард түмний дунд байдаг ч эдүгээ нэгэнт бурхан тэнгэрийн орондоо оджээ. “Нисэхийн” хэмээх Пагмын Аюуш Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан хүн. П.Аюуш 1921 оны цагаагчин төмөр тахиа жил одоогийн Баянхонгор аймгийн Богд сумын нутаг Алтанширээ гэдэг газар малчин эмэгтэй Пагмын хүү болон төржээ. Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандид хутагт, Ламын гэгээний шавийн цөм болсон эл нутаг “Ламын гэгээний хийдийн ногоон зодогтнууд” хэмээн улс даяар бөхөөрөө алдаршсан газар байсныг түүхнээ тэмдэглэсэн нь бий. Тэрээр эхтэйгээ хоёулаа цөөвтөр ямаатай, хар багаасаа түүнийгээ маллан аж төрөн явсаар арван настайгаасаа эхлэн адуу тэмээ малласаар гарын шуу нь бяр хүч сууж, эрийн цээнд хүрчээ. П.Аюуш 17 настайгаасаа бөхийн аманд гарч барилдсан байна. Хорьж боломгүй хорин насандаа Богд, Жинст, Баянлиг сумдын наадамд дараалан түрүүлж сумын заан цолтой даага хөтлөн ирж, хорвоод төрүүлж өсгөсөн ээжийгээ баярлуулан, нутгийн олон түмэнд Пагмын хүү ч сайн бөх болох нь гэсэн итгэл төрүүлжээ. Бяр чадал орж барилдах хүсэлд хөтлөгдсөн үедээ 1942 онд эр цэргийн албанд татагдаж Архангай аймаг дахь 31 дүгээр морьт хороонд хоёр жил алба хаагаад, 1944 онд Улаанбаатар хотод гурван нөхрийн хамт шилэгдэн ирж, Нисэхэд цэргийн алба хааж байхдаа Яармаг, Голын цэнгэлдэхэд болдог барилдаануудад тогтмол сайн барилдаж, бөхийн хорхойтон, наадамчин олны анхаарлыг татсан учраас “Нисэхийн” Аюуш хэмээх алдартай болсон байдаг.

П.Аюуш 1945 онд улсынхаа баяр наадамд анх удаа зодоглож дөрөв даваад Архангай аймгийн Чулуут сумын харьяат тэр үедээ улсын начин цолтой байсан Дэндэвийн “Жонго” хэмээх Даваасүрэнтэй тунаж өвдөг шорооджээ. Тэрбээр 1946 оны 25 жилийн ойн их баяр наадамд 1024 бөх барилдахад зургаа давж улам нэмэх заан цол, 1947 онд мөн зургаа давж идэр хүчит чимэг хүртэн, 1949 онд ес даван түрүүлж арслан цолны болзлыг хангасан бөгөөд 1953 оны улсын их баяр наадамд тав давж байсан энгүй их хүчтэн билээ. П.Аюуш 1950 оны наадамд дөрөв давж, Булган аймгийн Могод сумын харьяат залуу бөх Равжаагийн Дэлэгпилд өвдөг шорооджээ. Тэрээр 1948, 1951, 1952 оны улсын баяр наадамд барилдалгүй өнжөөд 1953 оны улсын баяр наадамд ирж барилдан тав давж хурц шаламгай шалгарсан хүчит чимэг авчээ. Мөн тэрээр улсын баяр наадамд 1956 онд нэгийн даваанд унаж 1959 онд гурав, 1961 онд нэг давжээ. П.Аюуш 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аваргыг түүнд бууж өгсөн гэж үзэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлан шууд босч явсан төдийгүй цолыг нь олгох нь байтугай наадмаа ч хааж үг хэлээгүй гэдэг гунигт түүх байдаг. Есийн даваанд Ш.Батсуурь аваргатай үлдэж аваргыг гурвантаа дугтрахад өсгийлдөөд хаячихаж. Гэтэл тэр хоёрыг “Хуйвалдаж худлаа барилдлаа, Батсуурь баз хүргэндээ бууж өглөө” гэх зэрэг яриа гарч, Аюушийн авах ёстой арслан цолыг нь битгий хэл, чимэг ч олгоогүй байна. Ш.Батсуурийг төрийн наадамд үнэн хүчээ гаргаж барилдалгүй бууж өгч үлгэргүй байдал гаргалаа хэмээн үзэж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн цэргийн ангид нутаг заан суулгаж, П.Аюуш заан бай мөрий ч үгүй нутаг буцсан байна.

Дархан аварга Ш.Батсуурь хожим дурсахдаа “Бууж өгч ч болохгүй, биеэр үйлдэх бүү хэл зүүдлээ ч үгүй явахдаа Аюуш заанд бууж өгсөн болж гүтгэгдэн өөрөө ч хохирч, өрөөлийг ч хохироосон юм” гэжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгож алдар нэрийг нь мөнхжүүлсэн билээ. П.Аюуш арслан аймгийнхаа баяр наадамд 1946, 1947, 1949 онд түрүүлж, 1948, 1950 онд үзүүрлэжээ. П.Аюуш заанд алдар цолыг нь амжилт гаргасан ч тэр дор нь өгөхгүй элдвээр муучлан хэлмэгдүүлсэн нь түүний цаашдын барилдааны амжилтад илэрхий муугаар нөлөөлсөн гэдэг. Тэрээр түрүүлэхэд нь арслан цол олгоогүй учир гомдсон уу, аль эсвэл нутаг газар хол, унаа машин ховор байснаас ч тэр үү улсын баяр наадамд харьцангуй цөөн жил барилджээ. Хожим 1956 онд Ардын хувьсгалын баяр наадмын Бөхийн комиссын гуравдугаар хурлын тогтоолд “Нөхөр Аюушийг өөрийн хүчээр барилдаж түрүүлээгүй гэж үзэж цол олгох явдлыг хассан нь зохисгүй учир” гэсэн үндэслэл дурдаж улсын арслан цолыг нь нөхөн олгожээ. Наадмын төв комиссын дарга, МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнгийн гарын үсэгтэй улсын арслан цолны үнэмлэхийг нь хүү А.Уртнасанд гардуулж өгсөн байна. Энэ нь ч бас цаанаа учиртай байсан хэрэг. Нэг хүнийг тахин шүтэх үзэл харьцангуй зөөлөрч байсан 1956 оны хавар Ю.Цэдэнбал баруун аймгуудын хөдөлмөрчин, малчдын ажил амьдралтай танилцаж явахдаа Аюуш зааны унаган нутаг Богд суманд үдлээд мордохдоо түүнийг хөдөөнөөс дуудан ирүүлж “Энэ жил улсын наадамд очиж барилдаарай. Улсын арслангийн цол үнэмлэхээ аваарай” гэж хэлээд явснаас үүдэлтэй гэх нь бий. Насныхаа хань Цэрэндоржтой улсын арслан цолоо гардаж авчихаад нутагтаа очиход нь тэр үед арван дөрвөн настай байсан хүү А.Бандимаам нь хос жороо морьтой аав ээжээ угтаж эгээ л өөрөө улсын өндөр цол хүртсэн мэт баярлаж байснаа дурсаж байна. “Цэрэгт ирээд “Нисэх”-ээр овоглосон Цэнгэлдэхэд барилдаад арслан цол хүртсэн Алдарт бөх маань Хонгор нутгийнх Аюуш нэр нь харин бурхных” хэмээн яруу найрагч Ш.Гоохүү түүний тухай шүлэглэсэн байдаг. Ард олондоо “Нисэхийн” хэмээн алдаршсан Пагмын Аюуш зоо нуруундаа асар их тэнхээтэй, тонгорох, дэгээдэх мэхийг даацтай хийдэг байснаас гадна ухаан уужуу, хараа сайтай учраас газрын өө, бөхийн хийг анддаггүй нэгэн байж. Тийм ч учраас дархан аварга Б.Түвдэндорж “Улсын арслан Аюуш бол хүнээс ухаан, тэнхээ, мэх гуйхааргүй арал сайтай, бяртай, өөрийн гэсэн дархан мэхтэй хүн дээ” гэсэн дурсан ярьжээ. П.Аюуш арслан 1940 онд Г.Цэрэндорж хэмээх бүсгүйтэй ханилан суужээ. Тэднийх гурван охин, дөрвөн хүүтэй өнөр өтгөн сайхан айл болжээ. Цэвэгмид, Бандимаам, Цэвэгжав, Рагчаа, Уртнасан, Оюунчимэг, Отгонбаяр нар нь одоо Улаанбаатар хотод аж төрж байгаа аж. Том хүү Бандимаам нь аймгийн заан цолтой хүн эдүгээ Улаанхуаранд аж төрж байна. П.Аюуш арслан дунд зэргийн нуруутай 180-185 см өндөр, 90 кг орчим жинтэй цайвар цагаан царайтай, сугадаж тонгорох, барьцгүй цохиж хавсрах мэхийг сайн эзэмшсэн, мэхийг их хурдтай, даацтай хийдэг бөх байжээ.

Арслан маань амьдралынхаа хорь гаруй жилийг хөдөөгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах буянтай үйлсэд зориулжээ. Түүний унасан газар, угаасан ус Богд сум байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан үр хүүхдүүд, аймгийн төр захиргааны байгууллага, бөхөд элэгтэй түмэн олны буянаар П.Аюуш арсланд зориулж бодь суварга, хүрэл хөшөөг 2005 онд Баянхонгор аймгийн төвд босгосон нь зөвхөн түүний алдар нэрийг нь мөнхжүүлсэн явдал төдийгүй нутаг орноосоо дахин ийм алдартай бөх төрүүлэх бэлгэдэл болсон байна. П.Аюуш арслан хөдөө орон нутагт амьдарсаар 1966 онд Улаанбаатар хотноо шилжин ирж Спортын төв ордны аж ахуйн эрхлэгч, Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэгийн аж ахуйн эрхлэгч зэрэг ажил алба эрхэлж байгаад 1975 оны оны орчим насан өөд болжээ. Баянхонгор аймагт одоогийн байдлаар П.Аюуш арслангийн энд хүрсэн хүчит бөх төрөн гараагүй байгаа гэж дээр дурдсан. Тэгвэл үүнийг батлах нэгэн зүйл үнэмлэх үр ач нарт нь одоо болтол хадгалагдаж байдаг аж. Энэ өвөрмөц цол, шагналын үгийг сийрүүлбэл “1960 оны долдугаар сарын 12. Үнэмлэх-3. Нөхөр Пагма овогтой Аюуш Ардын хувьсгалын ойн баяр наадмын бөхийн барилдаанд удаа дараа амжилттай барилдсан тул аймаг даяар дуурсагдах дархан аварга цол шагнаж, үнэ бүхий зүйлээр дурсгав. Баянхонгор аймгийн баяр наадмын төв комисс” гэсэн сонирхолтой баримт юм.

Монгол Улсын арслан Пагмын Аюушийн нэрэмжит Баянхонгор аймгаас төрж гарсан улсын цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ сарын 20-ны бямба гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах болсноо “Их Богд” дэвжээний тэргүүн, улсын харцага Д.Батболд өнгөрөгч бямба гаригт түүний үр хүүхдүүдтэй уулзах үеэрээ мэдэгдсэн юм. Баянхонгор аймгийн Бөхийн холбооны даргаар аймгийн Тамгын газрын дарга Дашцэрэнг томилсон байна. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааны түрүү бөхийг гурван сая, үзүүр бөхийг хоёр сая, их шөвгийн бөхийг тус бүр нэг сая төгрөгөөр тус тус байлах болсноо хэлж байлаа. Улсын харцага Д.Батболд, улсын начин Б.Баянжаргал, Баянхонгор аймгийн бөхийн холбооны тэргүүн Ч.Дашцэрэн биднийг улсын арслан П.Аюушийн хүү бэлтгэл хошууч, аймгийн заан А.Бандимаам гуайнд амралтын өдрөөр очих үед түүний дүү А.Уртнасан нар угтан авч алдарт аавынхаа тухай хууч хүүрнэсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Сарантуяа: Японы самурай ёсны кэндо хэмээх илдний тулааны урлаг Монголд хөгжиж байна

Кэндогийн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд оролцож эх орондоо анх удаа мөнгөн медаль авчирсан Мөнхтөрийн Сарантуяатай уулзаж ярилцлаа.


-Кэндо хэмээх спортыг монголчууд хулсан сэлмээр тулалдах урлаг гэж ойлгодог. Тамирчид нь зэрэглэлтэй байдаг уу?

-Миний хувьд олон улсын кэндогийн хоёр дангийн зэрэгтэй тамирчин. Ерөнхийдөө кэндод нэгээс найман дангийн зэрэг байдаг. Карате хар, ягаан бүс дотроо нэгээс таван дантай байдаг даа. Кэндод дангаас дор кюү зэргийг авч, нэг данд нэгээс доошгүй жил хичээллэн шалгалт өгөх эрхтэй болдог. Нэг дан авчихаад жилийн дараа хоёр дангаа авна. Хоёр дангаа авсны дараа хоёр жилийн гурав дахь дангийн эрхээ авах шалгалтыг өгдөг. Найман дан авахын тулд тамирчин 13 наснаас хичээллэж эхэлсэн байлаа гэхэд 33 жил хичээллэж байж найм дахь дангаа авна гэсэн үг л дээ.

-Овоо тэвчээр шалгасан спорт байна даа?

-Кэндо бол Японы уламжлалт самурай ёсны нэг салбар илдний тулааны урлаг. Кэндо хувь хүний бие бялдрын хөгжил, сэтгэлийн хат, тэсвэр, хатуужил, монгол хүний тулаанч чанарыг тал талаас нь харуулж чаддаг спорт болон манайд хөгжиж байгаа нь сайхан. Насны хязгааргүй спорт л доо.

-Өөрөө кэндогоор хэдэн оноос хичээллэж эхлэв?

-Би 2010 онд АНУ-ын Делаверийн их сургуульд суралцаж байхдаа анх сонирхон хичээллэж эхэлсэн. Гурван жилийн дараа завсарлага авсан.

-Яагаад жаахан хөндийрчихөв?

-Сургуулиа төгсөж Монголдоо ирлээ. Тэгтэл харин манай оронд кэндо маань мэргэжлийн спортын түвшинд хөгжсөн байдаг юм байна. Тиймээс урамшин дахин хичээллэж эхэлсэн дээ. 2015 онд Монгол Улсын кэндогийн шигшээ багийн сэлгээний тамирчнаар орлоо. ДАШТ-д гарааны тоглолт хийж чадаагүй учир 2018 онд зохиогдох дэлхийн аваргын тэмцээнд улсынхаа шигшээ багийн тэргүүн тамирчин болох зорилгыг өөртөө тавьсан.

-Одоо чансаагаараа хэдэд бичигдэж байна?

-Монголын кэндогийн холбооноос сар бүр чансаа тогтоох тэмцээнийг зохион байгуулдаг. Одоогоор нэгдүгээрт л бичигдэж байна. Гэхдээ манай өрсөлдөгчид их дайчин тулаанч улс байдаг учраас байнгын бэлтгэлтэй байхгүй л бол болохгүй.

-Монголын кэндогийн холбооны тухай танилцуулаач?

-Манай кэндогийн холбоо нийт зургаан клубтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Монголын кэндогийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар Рагчаагийн Батдорж гэж мундаг кэндочин ажилладаг. Манай Батдорж дарга сайн тамирчнаас гадна тамирчдаа чин сэтгэлээсээ ойлгодог гайхамшигтай хүн гэдгийг кэндогийн тамирчдынхаа өмнөөс хэлье. Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас үндэснийх нь спорт гэдэг утгаар манай холбоонд их дэмжлэг үзүүлдэг. Дэлхийн кэндогийн холбоонд 2014 онд элсэж, ДАШТ-д Монгол Улсын 14 тамирчин оролцсон. Японы ЭСЯ-наас эрэгтэй, эмэгтэй, өсвөрийн тэргүүн байрын тамирчдыг улсдаа аялах эрхийн бичгээр шагнадаг.

-Кэндогийн зэр зэвсэг юунаас бүрдэх вэ?

-Хэрэглэж байгаа зэвсэг нь дөрвөн ширхэг хулснаас бүрдсэн 120 см урттай, 520 гр хулсан сэлэм байдаг. Кэндод хоёр сэлэм бий. Нэг нь шинай буюу хулсан сэлэм. Үүнийг тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтанд ашигладаг. Нөгөөх нь бокуто буюу самурайн илдний модон сэлэм байдаг. Түүнийг ката буюу кэндогийн үндэс суурь болсон техник хөдөлгөөн, мэргэжлийн цол зэргийн шалгалтанд ашигладаг.

дангийн зэрэгтэй, кэндогоор долоон жил хичээллэсэн Анна Сверинатай өрсөлдлөө. Бусад тамирчдыг илт давуугаар хожсон л доо. Аваргын төлөөх тоглолтод Хонгконгийн тамирчинтай оноогоор тэнцэж, цаг сунгаж нэг оноогоор хожигдсон.

-Бараг алтан медалийн оосроос бариад алдаж. Яагаад хожигдчихов?

-Өмнөх тоглолтын дараа амрах ямар ч бололцоо олгож амжаагүй болохоор харамсахаас аргагүй байдалд орсон. Жүдогийн тэмцээний дүрмийг та мэднэ дээ. Цагаар тоглоод дараагийн үедээ ороод явчихдагийг. Тэрэн шиг л дүрэмтэй гэсэн үг л дээ. Тэгээд цагийн шахаанд ороод түр амсхийж ч завдалгүй гарсан хэрэг.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Аав, ээж хоёр минь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат хүмүүс. Ээж маань зохиолч, яруу найрагч С.Эрдэнэчимэг гэж хүн байна. “Ил хаан Хүлэг”, “Тэнгэр уулын монгол цэрэг”, “Ил хаан Өлзийт”, “Амьдралын дараагийн учрал” зэрэг романууд болон яруу найргийн “Дэндүү гэгээн хайр”, “Хөх хун”, “Гэрэлт хайрын цэцэг”, “Надад итгэ” түүврүүд хэвлүүлсэн. Английн зохиолч Жоржетт Хейерийн “Вилгельм” романыг монголчилсон. Одоогийн байдлаар Ил хаадын түүхэн судалгаа хийж байгаа. Аав, ээж хоёр залуудаа цанын спортын тамирчид байсан юм билээ. Ах Батбилэг маань их алдартай хүн шүү. Жиу-жицугийн тамирчин. Одоо Монгол Улсаа төлөөлөн Абу-Дабид болж буй ДАШТ-ий 69 кг-ын жинд барилдахаар явсан байгаа. “Гаруда” клубийн дасгалжуулагч, тамирчин даа.


Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (V)

Найрагч охин Д.Мөнгөндалай, Д.Дэжидмаа нарын хамт

Наран суманд Дашбалбар багшийн хүргэн Отгонбаярынд хоноод сэрэхэд өглөө тэнгэр нэг л бүүдгэр. Хаврын салхи хашааны завсраар хүүгэж хаалга нижигнүүлнэ. Гэрийн эзэгтэй Дамбийнямын Пагма сумын эмийн сангийн эрхлэгчээр ажилладаг аж. Пагмын ээж Буянжаргал, Очирбат гуай хоёр эгч дүүсийн хүүхдүүд юм байна. Наран сумын гудмаар алхаж, их найрагчийн төрж өссөн газар шороон дээр гишгэж яваагаа үнэн, үлгэр хоёрын алин болохыг эс мэдэв, би. Энд тэртээ нэгэн цагт амьдын цог төгөлдөр багш минь алхаж, аж төрж, хүн шиг амьдрахын гэгээн хүслээ өрдөж явжээ. Бага үдийн хэрд сумын төвөөс холхон саахалт хаваржиж буй Осорын Шар хэмээх ангийнх нь хүүхдийнд очлоо. Шар гуайн гэргий хот яваад өрхийн тэргүүн ач, зээ хоёртойгоо гэрээ сахиж буй ажээ. Тэрээр О.Дашбалбартай хар бага наснаасаа найзалж тавдугаар анги төгстөлөө нэг ангид суралцаж байсан төдийгүй насан турш журамт андын ёсоор нөхөрлөжээ. Дашбалбар нуруу намхан ч дультраадуухан хэлтэй, ёстой нэг өрөмний өт шиг хөдөлгөөнтэй нөхөр байв гэнэ дээ. Нэг л мэдэхэд ширээн дээр үсрээд гарчихсан яг л уран илтгэгч шиг ангийнхандаа шүлэг уншаад зогсож байх. Бага ангийн сурах бичигт байдаг байсан

“Сандаг гуай шиг

Сандруу хүн

Орчлон дээр

Олон байдаг болов уу…” гэсэн шүлгийг их уншина. Тавдугаар ангид байхдаа сумынхаа номын сангийн номыг мань хоёр бүгдийг нь уншаад дуусгачихсан байсан гэхээр овоо л уншдаг хүүхдүүд байж. Ангийнхандаа “Хоёр мянган онд манай улс тэгж хөгжсөн байна” гэж ярихад ангийнх нь хүүхдүүд огтхон ч ойлгодоггүй байж. Жаран хэдэн онд хоёр мянган оны тухай ярихаар хэн ч гэсэн гайхах нь мэдээж л дээ. Мядагмаа, Сүрэн нарын сурлага, спортод сүрхий охидтой. Охидтойгоо бүхий л талаар өрсөлдөнө. Бие жаахантай болохоор Дашбалбарыг ангийнх нь охид улаан даалимбан галстугаар нь боох зэргээр шоглох гэхэд хар ширэн цүнхээ толгой дээгүүрээ нисдэг тэрэгний сэнс шиг эргүүлээд зүсээд орчихдог байж. Хожим Шар анддаа холоос ирэхдээ дандаа шинэ номтой ирж золгоно. Шар гуайн гэргий нь Цэрмаа гэж насаараа сувилагч байсан хүн гэнэ. Гурван охин, нэг хүүтэй айл юм байна. Мань Шар гуай лонх юм ханзлангаа “Манай Дашбалбар чинь Монголын үнэн шударгын бурхан болох заяатай хүн байж. Хичээл цонхлоход Дашбалбар аавынхаа ээж Сониндулам гөеөг авчран бидэнд үлгэр домог яриулж өгдөг байлаа. Тэр эмээ нь ач хүүгээ мундаг хүн болгож хүмүүжүүлсэн хүн гэж боддог. Нэг ярьсан үлгэрээ давтаж ярьдаггүй хүн байсан. Хоёр ч бил үү, гуравдугаар ангид байхдаа ангийн дарга хийсэн. Нэг удаа бид үймүүлээд байсан чинь Дашбалбар босож ирээд “Та нар номхон сууцгаа, үхсэн хүн шиг нам болцгоо” гэж хэлтэл манай ангийн Адьяа нөгөөхийг чинь шувтарчихдаг юм байна. Багш орж ирээд “Чи хүний үгэнд ордоггүй юм бол өөрөө ангийн дарга бол” гээд нөгөө муу Адьяаг чинь ангийн дарга болгочихсон” гээд инээж байна.

Дунд сургуульд хайрын захиаг үйлдвэрлэгч нь ирээдүйн яруу найрагч байсан гэнэ. Дарьгангын сургуулийнхан захиа бичихэд Дашбалбарыг, шугам зургийн хичээлээ хийхдээ “муухай” Сумьяаг гуйдаг байж. Молоко, консерв барьж гүйгээд ёстой нэг долигонож өгдөг гэж байгаа. Нарангийн төвд Осор, Очирбат, Гунаа, Намжим, Дугаржав нарынх айл аймаг байх. Эднийхний Сүхбаатар, Ганбаатар, Шар, Дашбалбар, Минжмаа, Сүрэн нарын нэг ангийн хүүхдүүд их үерхэнэ. Хүрлээ найзынхаа унадаг дугуйг талын нэг тарааж өгнө. Хожим Дашбалбарыгаа хотоос ирэх үед зуны цагт дуу шүлэгт нь мөнхөрсөн Наран булгийнхаа тархин дээр сартай шөнөжин дуулж гитардан, наргиж инээж хонодог байснаа эдний ангийнхан одоо ч дотноор өгүүлж байна. Ангийнхны гэр бүлийнхэн нь “Танай ангийнхан хөгширчихөөд дандаа л нийлж байх юм” “ахарчилдаг” байлаа гээд Шар ах цар цар инээнэ. Ер нь их алиа зантай, гүйлгээ ухаантай хүн юм. Ахарчилна гэдэг нь цухалдах гэсэн үг ажээ. Үүнээс улбаалж дарьганга нутгийн бяцхан толь бүтээх талаар ч Ренчинханд захирал дурдаад авав. Дарьгангачуул эргүүлийг өргүүл, эмээгээ гөеө, найзаа өөшгөө, сахилгагүйтэж дүрсгүйтэхийг эсэнгүйтэх гэх мэтээр хэлэх агаад Шар Дашбалбарыгаа дандаа “Манай өөшгөө чинь” гэж ярьж байлаа. Эрээнцавын яруу найрагч Данзангийн Нямсүрэн хоёрдугаар ангид байхад нь багшилж байж. Мань эр шавь нарынхаа тоосыг сайн гүвдэг байснаас Балбар найрагчийн дультрааг засах гэж чулуу хүлхүүлж байсныг Шар огт мэдэхгүй гэж байна. Бакааль гутлынхаа түрийг эргүүлчихсэн билэг танхай Нямсүрэнгийн залуу нас Наран сумын сургуульд багшилж явсан гэхээр гайхамшигтай биш гэж үү. Анх Дашням гэдэг багш нэгдүгээр ангид хүлээж авсан ч хагас жил болоод Багшийн дээд сургуульд явсан учир Монголжав гэдэг зургаан хуруутай хүн нэгийг нь төгсгөжээ. Хоёрдугаар ангийг нь Нямсүрэн төгсгөсөн бол Паламын Адьяа гуравт нь дааж авч байсан аж. Сэтгүүлч, яруу найрагч Ишийн Батсүх гуравдугаар ангид нь бас багшилж байлаа гэх. Ямартай ч Дашбалбар Монголын хоёр ч яруу найрагчаар бага ангидаа хичээл заалгаж байсан хувь ерөөлтэй нэгэн юм.

Наран сумын төвд Шарнууд овогт Цэндийн Санжайдорж хэмээх Очирбат гуайнхны хүргэнийд очиж золголоо. Наран сумын төвд Балжиннямын ахдаа зориулан байгуулсан О.Дашбалбарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд очих үед тэнгэр намсхийн ёстой нэг мөөгний зөөлөн цагаан бороо шиврэв. Хаврын цагт юуных нь ч мөөгний зөөлөн бороо байх вэ дээ. Эл хүрээлэнд багшийн “Амьддаа бие биеэ хайрла”, “Залуус дүү нартаа хүргэх” шүлгийн гэрэлт хөшөөг босгож, “Би талын хөх чоно” шүлэгт нь зориулж гантиг чулуун хөшөө босгожээ. Энд Улаан сахиусны овогт О.Дашбалбар багшийн гэгээн дурсгалд зориулсан “Диваажин тийш илгээх шүлгүүд” цувралаасаа “Мөнх бусын галт тэрэг”, “Хүслийн тунгалаг сэхээвчнээ…” шүлгүүдээ уншлаа.

“Дөчин хоёрхон цуваатай амьдралын галт тэрэг

Догшин сахиусны бүрэлбааг амирлангуйд өртөөлж одов.

Цуваа болгоны нь цонх руу чулуу шидсэн нүгэлтнүүд

Цусан тахилга үйлдэж, эмгэнэлт жүжиг дэглэв.

Тайзнаа гоцлон наадагч нь хэргэм зэргийн хэнээтнүүд

Тансаг зоогийн ширээнээ хэнхдэг задгай суугаад

Боомилон егүүтгэсэн гүтгэлгийнхээ унжлага олсны гогцоог

Богдын сунтгийн манжилга шиг ариун хэмээн нэрийдэв”,

“Тэнд… Мөнх бусын тунгалаг сэхээвчнээ…

Тэнгэрийн хүү газрын тухай бодлогоширч

Уйт нутгийн салхинаа замхрах гитарын аялгууг

Уянгалаасай, намуухан уянгалаасай гэж хүсэн залбирч сууна.

Цэмцгэр охид янагийн болзоонд догдлон алхах шиг

Цэнхэр гитарын чавхадсан дээр бүжих уяхан хурууд

Амрагийнхаа сормосонд алтран тогтсон мөнхийн нулимсыг

Арчиж амжилгүй бийрээ алдан хөшиж хоцров” гэж даяар Монголын оюун санааны шүтээн болсон Дашбалбар хэмээх бурханд сэтгэл зүрхний зориуллаа илгээсэн юм.

Зүүн гар талаас эхнийх нь О.Дашбалбар

Биднийг О.Дашбалбарын мэндэлсэн газарт очиж шав тавих үеэр ангийнх нь О.Шар, Сүхбаатар нар хүрэлцэн ирж чулуу хормойлон овоолцгоов. Их найрагчийн мэндэлсэн төрсөн гэрийнх нь буурин дээр холын хүмүүнийг урин далласан сайхан хөшөө дурсгал нь хэзээ нэгтээ босох биз ээ. О.Дашбалбар, гэргий Борхүүхэнтэйгээ өрх үүсгэж, сунган ёсолсон газар энэ мэндэлсэн газрын ойр саахалтын зайтай харагдана. Бор эгч “Далан таван онд бид хоёрыг найраа хийхэд Дарьгангаас ангийнх нь морьтой таван залуу ирчихээд хөгшчүүлээс эмээгээд орж ирж чадахгүй орой болтол гадаа хүлээж байсан сан” гэж байна. Ангийнхантайгаа тархин дээрх хадан дээр нь сууж шөнөжин дуулан хонодог асан Наранбулагт нь очлоо. Бороо дусагнаж, булгийн уснаа под подхийн бууна. Дашбалбар найрагчийн тухайд энэхүү бяцхан булаг эх орон нь болж анх төсөөлөгдсөн төдийгүй хожмын өдөр хүний нутгаас үргэлж санан догдлохын чавхдасыг нь хөглөж, урин дуудсан онгодынх нь их ундарга байсаар ирсэн билээ л. Тиймээс ч тэрээр

“Зүйрлэшгүй тансаг хивсэн дээр өдөн хөнжилтэй унтсанаас

Зүлгэн дээр сууж, урсгал ширтэхийн жаргалыг хэлэх юун

Харь газрын дарс шимж, буйдан дээр тухалснаас

Наран сумын төвд О.Дашбалбарын төрсөн гэрийн буурин дээр шав тавив. 2017.04.16

Хар цай оочилж, хадан дээр суухын амтыг хэлэн юун” гэж өгүүлсэн биз ээ. Наран сумаас Баруун-Урт хотоор дайран ирэхдээ Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейгээр орж төрийн шагналт О.Дашбалбарын нэрэмжит танхимаар орсон юм. Тэнд багшийн эдэлж хэрэглэж явсан бичгийн ширээ, ширэн цүнх, ном судар, тэр байтугай УИХ-ын танхимд өмсөн орж ирж байсан нөгөө “домогт” дүрэмт хувцас, Далай ламын хайрласан нөгөөх мундаг шигтгээт бөгж, Данзангийн Нямсүрэнгийн бэлэглэсэн цэрэг суран бүс, өөрийнх нь зурсан уран зургууд гээд дотно нандин зүйлүүд их байлаа. Хамгийн сонин нэг зүйл бол арваннэгдүгээр хорооллын гэрийн хувцасны шүүгээн дээр Н.Борхүүхэн эгчид зориулан уруулын будгаар дурайлгасан “Энэ дэлхий дээр чи минь байгаа цагт…” гэсэн энхрий дотнохон гэрээс нүдэнд хоногшсон яг л тэр хэвээрээ угтах нь тэр ээ. Тэгэхнээ, Бор эгч мөнөөх хувцасны шүүгээний хаалгыг салган авчирч музейд нь хүндэтгэн залсан хэрэг байжээ. Энэ дэлхий дээр чи минь байгаа цагт… гэж хүлээлт, учрал зөгнөсөн цаанаа л нэг учиртай үг шүү.

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (IV)

З.Ооёобаатар

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №089 (5656), 090 (5657),092 (5659) дугаарт

Дашбалбар найрагчийн хүргэн дүү Зоригоогийнхоос гараад үеэл ах Зундуйн Ооёобаатар ахын пикаап машиныг хөлөглөн, гэрт нь очиж хөөрөлдөв. Их найрагчийн яруу найргийн номуудад “З.Ооёобаатарт зориулав” гэсэн эшлэл бүхий шүлэг хэдэнтээ таарч байдгийн эзэн нь эл хүн ажээ. Тэднийх Мангал гуайнхтай адил мөн л хаалга нь түгжээгүй, онгорхой байна. Тэр ч бүү хэл байрны хаалгаа монгол гэрийн хаалга шиг мяндсан уяагаар сойсон нь сонирхолтой санагдсан. Тэрээр машиныхаа салхивч шилийг ч огт хаахгүй юм. “Ийм хээгүй ч гэмээр, хэнэггүй ч гэмээр нөхөр хотод очвол идээшиж чадахгүй, үгүй ядахнаа л машинаасаа хамаг юмаа алдаж балрах байх аа” гэсэн инээдтэй бодол тэрүүхэн үед төрж байна. Ооёобаатар ах их найрагч дүүгийнхээ сонинд хэвлэгдсэн зургийг жаазлан хоймортоо нандигнан шүтжээ. Тэрээр 1953 онд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн аж. Эцэг эхээсээ долуулаа ч аав Зундуй нь түүнийг таван настай байхад бурхан болжээ. Ээж нь Дашбалбарын ээжийн төрсөн эгч Осорын Хандсүрэн юм. Ооёо ах өнчин өрөөсний зовлонг багаасаа мэдэрч өсчээ. 1965 оны үед О.Дашбалбар Наран суманд бага сургуулийн дөрөвдүгээр ангиа дүүргээд Дарьганга суманд шилжин ирж байж. Дашбалбар үеэл ахаасаа хоёр дүү бөгөөд дүү З.Сааралынх нь нэг анги юм байна. Ооёо ах 1968-1970 онд Дорнод аймгийн Барилгын ТМС-ийн мужааны ангийг төгсөж ирээд нагац ах Мангалындаа амьдрах үеэс наймдугаар анги төгссөн Дашбалбартайгаа их дотносох болжээ.

Омскийн ТМС-ийг 1973 онд төгсөж ирснээсээ хойш бүүр ч ходийсох болжээ, тэр хоёр. Ооёобаатар үеэлийнхээ тухай “Миний дүү өөртөө эвтэй найртай харьцаж байгаа хүнийг их хайрлаж энэрдэг, зөвлөж сургадаг хүүхэд байсан. Миний сайн санахаар Дарьгангын ангийнх нь Баярсайхан гэж сайн найз нь байж байгаад саяхан нас барсан. Энэ хоёр уран зохиолын тухай хоорондоо маргалдаж, ярилцаж байхыг олонтаа сонсож байсан. 1976 онд бид хоёр Баруун-Уртын нэгдүгээр арван жилийн сургуулийн оройн ангид орж суралцсан. Дүү маань биднээс арай өөр хүн байсан нь энэ үеэс мэдэгдсэн. Тэр оройн сургуулийн ес, аравдугаар ангийн шалгалтыг зэрэг өгөөд биднээс жилийн өмнө төгсөөд явсан. Би тэр үед Гал командын газарт гал сөнөөгчөөр ажиллаж байлаа. Дашбалбар хэзээнээс уран зохиолд шүлэнгэтэн дурлана. Сергей Есенинийг шүтэн биширч, шүлгийн номыг нь сугавчилж явж их уншина. Мань эр гартаа ном барихгүй өдөр гэж ганц ч байгаагүй. Омскт сурч байхдаа оросоор шүлэг бичиж, “Сүхбаатарын зам” сонинд илгээж байсан байдаг. Тэр үед яруу найргийн онгод нь их орж байсан үе байсан юм болов уу” гэж өнгөрсөн хойно нь л бодох юм. Оройгоор арваа төгсөх үедээ уран зохиолын хичээлийг би дүүгээсээ л будаа идэж байлаа. Зуны урин дулаан үед манай Шар ахынх (найрагчийн аав Очирбат агсныг нутгийн ахан дүүс нь ийн авгайлна. сур) Дөрвөлжийн тэнд зусна. Дөрвөлжийн орой дээр гарахаар шүлгээ уншиж өгнө. Нэг өдөр зохиолч Магсаржав багш бидэнд “Ум ма ни бад ми хум” гэдэг чинь “Цэцгэн дээр суусан хүүхэн” гэж зааж байсан. Шашин ном хаалттай байсан тухайн үед чухам яагаад тэгж зааж байсныг би сайн мэдэхгүй. Би шүлэг найраг сайн ойлгохгүй ч Данзанравжаагийн

“Үүл нь гараад бороо орохын цагт

Үүдэн гэмээнэ хоймор юуны ялгаа вэ

Үйл нь ирээд үхэхийн цагт

Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа байна” гэсэн мөрийг жинхэнэ яруу найраг юм байна гэж одоо ч бодож явдаг. Энэ шүлэгт ертөнцийн мөнхийн бодитой үнэнийг арга байхгүй л яруу сайхан дуулсан байх юм. Тэр үед би энэ шүлгийг түрүүлээд цээжилчихсэн болохоор дүүдээ уншиж өгтөл “Наадах чинь юу ч биш. Би үүнээс чинь сайхан шүлэг бичнэ” гэж байсан омголон үе нь харагдах шиг болж байна. Ахын хувьд надаас амьдралын зөвлөгөө авна. “Сүхбаатарын зам” сонины эрхлэгч Бат-Өлзий гэж хүн байлаа. “Улаанбаатар явах гэсэн чинь Бат-Өлзий намайг явуулахгүй байна” гэхээр нь “Миний дүү хамаагүй өөдөөс нь ярзаганаад үг сөрж болохгүй. Би олон дүүтэй хүн. Ажил амьдралын эрхээр сурч мэдэх шаардлагатай гээд шил архи аваад оч” гэж хэлсэн юм. Бодвол хэлснээр минь очсон байх. Ер нь манай дүү төрөлхийн сод авьяастай, зөнч хүн байсан юм байна гэдгийг одоо л би ойлгож байна. Би Дашбалбарыгаа “Дарга болоод ах дүү нараа ачилж халамжилж яв” гэж ятгадаг байлаа. Тэгэхэд мань хүн “Би дарга болохгүй, яруу найрагч болно. Горькийн Утга зохиолын дээд сургуульд явна” гэдэг байсан. Нэг ТМС төгссөн хүн ийм өндөр зорилго тавиад биелүүлсэн тохиолдол хэд байдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан зөгнөсөн зүйлдээ хүрсэн л хүн байж. Горькийн сургуульд сурч байхдаа бурхны тухай их судалснаа надад ярьж байсан. Төрийн түшээ болсноос нь хойш дүүтэй холбоотой сайн, муу ямар л мэдээлэл гарна, тэр бүх сонин сэтгүүлийг би цуглуулдаг байсан.

Наран сумын төв дэх О.Дашбалбарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн. 2017.04.16

Дашбалбарын хэлж ярьж байсан бүх зүйл туйлын үнэн байж гэдгийг ард түмэн өнөөдөр харж байна. Ялангуяа “Газрын төлөөх тулалдаан эхэллээ” гэж сонин хэвлэлд нийтлүүлж, ном ч бичиж байсан нь өнөөдөр газар нутгийн бүрэн бүтэн байдал, уул уурхайн лицензүүд, гадныханд өөрсдийн баялгаа өгч байгаа зэрэг байдлаас тодорхой харагдаж байна. Дашбалбарын сэрэмжлүүлснийг уг нь тусгаж авсан бол улс оронд мөн ч их тустай байх байлаа. “Амьддаа бие биеэ хайрла, алив сайхнаа бусдаас битгий харамла”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг ямар гайхамшигтай бүтээлүүд үлдээгээ вэ дээ, муу дүү минь. Дашбалбарын буцан буцталаа ард түмэндээ зориулж бичсэн бүхэн монгол хүн бүхэн санаж бодож болгоож явах философи болов уу. Их хурлын гишүүн болсноос нь хойш би цөөхөн уулзсан. Хэн хэн нь улсын цаг наргүй ажилтай байлаа. Манай дүү чинь тэгтлээ ч их ууж идээд байдаггүй хүн байсан. Би ч бас шалихгүй. Гэхдээ бид хоёр уулзахаараа ярьж хөөрч суугаад ганц лонхны бөглөө мулталчихдаг л байсан. Дүү бид хоёр уулзахад заавал ч үгүй миний өвөрт унтана. Нуруугаа надаар илүүлэх их дуртай.

Би Улаанбаатарт очихоороо Дашбалбарындаа очиж хононо. Бид хоёрын сэтгэл зүрхний холбоо их ойр байж. Хүнд ярьдаггүй зүйлээ надад ярина. Харин их улстөрждөггүй байсан. Аж төрөл, яруу найргийн гоо сайхан, ер нь хүний амьдралын утга учрын талаар их ярилцдаг байлаа” гэж өгүүлсэн юм. Ооёо ах үеэл дүүгээ орчлонгоос цаг бусаар буцсанд их харамсаж нэг хэсэг багагүй балгажээ. Нэг удаа хотод хүүгийндээ очоод ачтайгаа хэд хонотол гуравхан настай ач хүү нь нэг өглөө хий хундаганаас агаарт хий сэржим өргөж байхыг хараад “Ухаантай амьдрахгүй бол удам судар маань хүртэл дуурайх юм байна” гэж бодон хатуу идээнээс татгалзах болсноо нуусангүй. Ооёобаатар 1982 онд ЗХУ-ын Орёл хотын Автотехникийн тусгай дунд сургуульд суралцаж байх үед О.Дашбалбар Москва хотноо тосон авч, байрандаа аваачин дайлж, Улаан талбайгаар газарчилж байжээ. Түүнийг хоёрдугаар курст байхад үеэл дүү нь Орёлд хонины мах, нутгийн шимийн юмтай очиж өдөржин сайхан ярьж хөөрч, дуулж хуурдаж суусныг Дундговийн Умаахум, Архангайн Батжаргал, Өвөрхангайн Сумьяа нарын арваад нөхөд одоо ч халуун дотноор дурсдаг аж.

О.Дашбалбар үеэл ах болон ангийнх нь нөхдийн хамт. Москва. Улаан талбай. 1983 он

Нарт орчлонд жаран жилийн тэртээ мэндэлсэн их найрагч Дашбалбарын үеэл ахтай уулзаж хөөрөлдсөний хойно манай аяныхан дүү О.Балжиннямыг ханьтай нь авч төрсөн нутаг Наран сум руу гарлаа. Балжиннямын хувьд төрөлх сум Нарангийнхаа Засаг даргаар ажиллаж байсан болохоор нутгийн ахан дүүсээ ч сайн танина, бас газар орноо ч мэднэ гэж “Дүүрэн трейд” компанийн захирал Д.Ренчинханд ах тун ч зөв тооцоолжээ. Найрагчийн насны хань Н.Борхүүхэн эгчийн сэтгэл их хөдөлж “Өвгөний минь “Наран булаг” дууг дуулаач” гэж дүүгээс нь гуйж байна. Балжаа ч удаан гуйлгалгүй

“Үүлс нойрсох хавцал хаднууд

Үүрийн манан дэгдэх хөндий

Насан багын алтан өлгий

Намайг торниулсан он жилүүд

Цагаан мөөгний зөөлөн бороо

Цайран шиврэх намуухан орой

Цагийг элээсэн буурал тогоруу

Цам харайх үзэсгэлэнт нутаг аа

Бөөр дэрсэнд мангир түүгээд

Бүүр багадаа тугал сүүлдээд

Эх нутгийнхаа цэцгэнд хөрвөөж

Эрээн цамцаа гээж орхисон

Ай хө, Наран булаг минь

Зээ хө, Нарны булаг минь” гэж эвлэг зөөлөн хоолойгоор дуулахад “Салхиар ганхах цагаан өвсөнд нь ч амь нас минь буй” гэж магтан биширсэн Дарьганга нутгийнх нь намхан толгод аялгуу шүлэгтээ мөнхрөн үлдсэн найрагч хүүгээ үгүйлэх шиг хүйс хүйсхэн салхиараа санчиг үнсэн сэвэлзэнэ. Бид замдаа Онгон сумын Салаа хэмээх газарт хаваржиж буй аймгийн алдарт уяач Шарын Мөнхбаясгалангийнд очсон юм. Мөнхбаясгалан бол аймгийн хурц арслан Шарын Мөнгөнбаатарын төрсөн ах ажгу. Ренчинханд ахын борцыг энэ айл нутгийн салхиар урь идүүлжээ. Хурц арслан маань хоёр хоногийн өмнө ахынхаараа зочилж адуугаа эргээд буцсан байна. Хар говийн замаар хөдөлсөн бид Талын таван уулын овооноо өдөр, шөнийн зааг үдшийн бүрийгээр давж, Наран суманд очиж хоноглолоо.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

СУУ БИЛЭГТНҮҮДИЙН ӨЛГИЙ: Дарьганга түмний шүтээн Дашбалбар найрагчийн нутгаар (III)

Найрагчийн дүү О.Балжиннямынд

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, дөлт яруу найрагч Очирбатын Дашбалбарын жаран насны ойгоор төрөлх Дарьганга нутагт нь очих талаар өнгөрөгч намраас шавийн хувьд сэтгэл өвөрлөн хэд хэдэн уран бүтээлчтэй уулзсан билээ. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Г.Мэнд-Ооёо багш энэ саналыг ихэд сайшаан хүлээж авсан. Тэрээр “Энэ жил манай “Гал” нэгдлийн хоёр уран бүтээлч Данзангийн Нямсүрэн, О.Дашбалбар нарын маань дал, жаран насны ой тохиож байгаа. Унаа тэрэг, явдал суудлын боломж тохиож гэмээнэ Сүхбаатар-Дарьганга-Дорнод-Эрээнцав гэсэн маршрутаар явбал мөн ч сайхан үйл болох сон” гэж сэтгэл юүгээн чилээж байсан. Их найрагчтай сэтгэл, зүтгэл, авьяас билгийн ахан дүү, анд нөхөд явсан хүний нэг бол соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зураач Айлтгүйн Төмөр-Очир. Дашбалбарыг өөрийнх нь шүлгээр “Талын хөх чоно” гэдэг байсан бол атархан талыг адуун сүрэг бөмбөрдөх шиг алтны үртэс-авьяасын залтсыг цээжнээсээ урсгагч Ай сэцнийг ардын уран зохиолч Тангадын Галсан абугай “Дарьгангын дэлт хар чоно” хэмээн цоллон өргөмжилсөн нь учиртай юм. Дарьгангын энэ хоёр “чоно” хүн нийгмийн бусармаг бузар бүхнийг ариун шударгын араа шүдээр хэмлэхийн төлөө амь бие, аж төрлөө умартан тэмцэгч чанар нь хүзүү сээр холбуулж хүний орчлонд нөхөрлүүлжээ.

Найрагч, хүү Д.Гангабаатарын хамт. 1980-аад он

Ай.Төмөр-Очир ах биднийг Сүхбаатар аймаг зорихоос хэд хоногийн өмнө нутагтаа очин хүлээж байлаа. Харин яруу найрагч С.Амартайван ахын “Мандах наран зүгт нутаг минь байдаг юм аа” дууг аялсан шигээ Өндөр хаан уулын өмнө бэлд хүрэх үед нийслэл хот руу буцаж буйгаа дуулгасан юм. Аман билгийн яндашгүй далай ухаант Ай ах маань “Ах нь Борхүүхэн, Ренчинханд, дүү та нарыг Баруун-Урт, Наранд хэд хоног хүлээж ядаад буцлаа. Уг нь би Балбарынхаа талаар овоо томхон дуугарах сэтгэл зүрх ойр л явдаг хүн. Балбар намайг анхандаа дүү гэж томордог байлаа. Тэр нь ч аргагүй. Мань эр чинь Дарьганга сумын сургуулийн миний ах, тракторын жолооч Айлтгүйн Мөнх-Очирын нэг ангийн нөхөр байгаа юм. Би тэднээс хоёр анги дүү ч насаар бол Балбар надаас ганцхан ах. Хожим бид яруу найргийн буянаар үй зайгүй нөхөрлөсөн. Ерэн зургаан оны Их хурлын сонгуульд ялсан тухай нь бид хоёр Түмэнцогт сумын төвийн Зайсан толгой болсон Баян овоон дээр анх сонсож, дурсгал болгон патиар татуулж явлаа. Манай Балбарын чинь хот явсан түүх нь хүртэл сонин ш дээ. Уг нь би та нартайгаа явсан бол олон юм яримаар байна. Одоо Баруун-Урт хотод аж төрж буй 72 настай “Сонины Гоомоо” буюу Намжилын Гомбосүрэн гуайн яриагаар бол манай хүн чинь цэргийн комиссынхонд нүцгэн биеэ үзүүлэхгүй гэж Улаанбаатар гараад шидчихсэн байгаа юм. Мань мэт бол айж хулчийгаад л сууж байх шүү дээ. Тэгэхэд тэр тэнгэрлиг амьтан эцэг, эхээс төрсөн биеэ гадны хэн нэгэнд үзүүлэхгүй гээд явчихаж байна гэдэг чинь цаанаасаа л тэс өөр хувь заяатайн шинж. Хэрвээ Балбар “Цэргийн муусайн юмнуудад мээмээ үзүүлэхгүй” гээд хот яваагүй бол манай ах шиг насаараа тракторын жолооч байх ч байсан юм бил үү” гэх мэтээр утасны цаанаас ёстой нэг пулёмет шиг шүршдэг юм байна. Тэр ч байтугай Балбарынхаа тухай ланжгар том дурсамж дурдатгал ч бичих юм болоод авлаа.

Баруун-Уртын гудманд энэ тухай бодон алхсаар их найрагчийн хамгийн ойрын төрөл садан болох төрсөн дүү О.Балжиннямынд нь очлоо. Балжиннямын хань Зоригоо хэмээх цэргийн дарга асан нэгэн аж. Мангал гуайнхаас Борхүүхэн эгч бидэнд замчилсан З.Ооёобаатар ах гэрийн эзэнтэй “Шүдлэн өвгөн сайхан хаваржаад байна уу” хэмээн мэндлэхэд “Харахад дөч гаруй насны л идэрхэн эр байх юм. Яагаад шүдлэн өвгөн гэж байгаа юм бол” гэж гайхасхийж байтал Хилийн цэргийн офицер учраас хээрийн нэмэгдэл энэ тэр гэсээр цэл залуугаараа тэтгэвэрт гарсан хүргэн хүү юмсанж. Зоригоо “Гэргий, бид хоёр оюутан байхдаа ахынд амьдарч байсан” гэж ам хагарч байна. Найрагчийн дүү О.Балжинням ахынхаа хичээл ордог С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг төгссөн, манай дээд төгсөлтийн оюутан, бас багшийнд амьдардаг байсан болохоор бид зүс зүсээ таних юм. О.Дашбалбар эцэг, эхээс эгч дүү арвуулаа байж. Ууган эгч Дулмаа нь өөрөөс нь арав эгч хүн гэнэ. Зулай зулайгаа гишгэж төрсөн дүү нарыг нь Пунцагдэлэг, Жавзмаа, Батхүрэл, Сугар, Түвдэннямбуу, Дашням, Балжинням, Отгонбаяр нар ажгу. Гунигтай ч гэмээр нэг зүйл байсан нь эднийхний эрчүүд ахаасаа хойш бүгд тэр л хүмүүний бурхан болсон дөчин хоёр насанд нь тэнгэрт оджээ. Үе дамжсан эрдэм номтой өвөг дээдсийн үр сад болсон Улаан сахиусны овогтынхон Балжиннямыг Дашбалбарын аав Очирбат гуайн ээжийг эргэн төрсөн гэж ихэд хүндэтгэдэг бол зээ хүү Буянтөгөлдөрийг ээж О.Цэрмаагаа хүү болон эргэн ирсэн хэмээн эвийлж энхрийлдэг байна.

О.Дашбалбар, Ай.Төмөр-Очир нар. Сүхбаатар аймгийн Түмэнцогт
сум Баян овооноо. 1996 он.

Дашбалбар багш маань оюутан бидэнд хичээл орохдоо зөвхөн уран бүтээл, дэлхийн сонгодгуудаас гадна олон зүйлийг ярьж хөөрнө. Тэр нь залуу балчир бидний санаа сэтгэлд тэгтлээ ч их буудаггүй байж. Тэр “Аравтай хүн арав зовно. Нэгтэй хүн нэг л зовно гэж ээж минь хэлдэг сэн. Арван хүүхдийн ээж билээ л. Ээж минь дүү бидний хэнийг ч эрхлүүлээгүй бөгөөд хааяа унтсан хойно духан дээр минь үнэрлэж, толгой илбэн байдаг сан” гэж бичиж үлдээснийг өнөө би харж байнам. Дашбалбар гэж хэн сэн билээ. Дарьганга нэрмэлийн ааг толгойд манарч, уйлмаар, хэнтэй ч юу ч ярилгүй баймаар санагдана. Гал руу цацахад хөх дөл манаран нүүр түлэхээ шахдаг нутгийнхаа нэрмэл шиг хүн байжээ, тэр. Сүхбаатарт ирсээр “Дүүрэн трейд” компанийн захирал Д.Ренчинханд ахын адуучин, шүүгч Баярцогт, цагдаагийн бэлтгэл хурандаа Мангал, хилийн цэргийн бэлтгэл дарга Зоригоо нарын цөөхөн айлаар орсон ч нэг л юмыг сэтгэл зүрхэндээ мэдэрсээр явав, муу шавь нь.

Тэр юун гэвээс Улаан сахиусны овогт О.Д гэдэг хүний хөрөг айл бүхний хойморт залраастай. Найрагчийн аав Очирбат гуай хүүгээ бусдаас илүү эрхлүүлж байсан шиг сэтгэгдэл надад явдаг. Бага сургууль ч төгсөөгүй аав нь хүүгээ бусдаас түрүүнд бичиг үсэгтэй болгох гэж таван настайд нь уншуулж, бичүүлж сургана гэдэг, онц сурлаа гэж олон сайхан номоор мялаана гэдэг, хоёрдугаар ангийн Дашбалбарт хоёр зуу гаруй төгрөгийн үнэтэй хөөрөгт хөгжим сарынхаа цалингаар авч өгнө гэдэг гайхамшиг бус уу? Арван хүүхэдтэй, аж төрөл тааруу хүн хүүгээ арай л өөр хүн гэдгийг төрөхөөс нь эхлээд сайтар анзаарчээ. Дашбалбар гэдэг шүтээнийг Дарьганга нутагт хайрласан Очирбат аавд мөргөмүү. Осорын Цэрмаа ээжид нь сөгдмүү. Олон сайхан дүү нарт нь бахархмуу. Бор эгч минь “Баруун-Уртад орвол ч манай хамаатнууд олон бий. Өвгөнийхөө л ах дүү нараар орж чиний ажлыг юун түрүүнд амжуулъя” гэнэм. Миний ажил гэдэг нь Дашбалбар багшаа л асуун сурах бүлгээ. Ерэн найман онд багшийнхаа ууган шавь “Мөнгөнморьтын тэнгэр аялгуу” болсон Жамьянгийн Болд-Эрдэнэ найрагчийг, ерэн есөн оны намар багшийгаа одоход сэтгэл нэг хоосорч хүний хорвоо утгагүйдсэн сэн. Балжинням дүү нь ахдаа зориулж “Тэр оюун санааны ертөнцийг эзэгнэн амьдарч буй” гэдэг ном 2007 онд хэвлүүлжээ. Дүү нь гэхэд хөндлөнгийн хүн ч юм шиг хандлагатай нэр ахынхаа тухай номд өгч гэж бүү бодоорой. Тэр номд ямархан их халуун сэтгэл, ямархан их гуниг хадгалагдсаныг уншсан хүн л мэдрэх биз ээ.

Үргэлжлэл бий