Categories
мэдээ нийгэм цаг-үе

Айлын ганц хүү Пүрэвийн Хорлоогийн үр, ач, зээгийн тоо дал хэдийнэ давжээ

(П.ХОРЛООГИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД)

Төрийн шагналт зохиолч, академич Пүрэвийн Хорлоо Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог Өшгөгийн нурууны өвөрт 1917 онд төрсний зуун жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Тэрээр 1933 оноос уран бүтээлээ эхэлж хүүхдэд зориулан “Хар унага”, “Говийн хүү”, “Багш” зэрэг олон зохиол бүтээл бичжээ, “Жаргалт хүүхдүүд”, “Алт, Мөнгө хоёр”, “Туулайн бөжин”, “Нарны туяанд” зэрэг ном хэвлүүлснээс гадна “Алтан үст охин”, “Багш”, “Шидэт толь” зэрэг жүжгийн зохиол бичжээ. Аав Пүрэв нь хар багад нь бурхан болсон бөгөөд Хорлоо Должин хэмээх ганц эгчтэй, эмч Чимэддолгор, түүхийн багш Бадам нарын хоёр бүсгүй дүүтэй аж. Аж үйлдвэрийн комбинатын анхны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны болон Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, эрхэм уран зохиолч цолтой нагац ах Улаан Пүрэв багадаа өнчирсөн тул тэд хамтдаа өссөн аж. Энэ ах нь 12 настай Хорлоо хүүг анх тэнхимд суулган эрдэм номын зүгт залсан буянтан гэдэг. Улаан Пүрэв 1937 онд хорин наймхан насандаа хилс хэрэгт хэлмэгдэн цаазлуулахад үлдсэн гэргий Дулмаа нь Мөнхбат аваргын гэргий Тамирын ээж, Хакухо Даваажаргалын эмээ юм билээ.

Хорлоо Хан хөгшин уулын хошууны тэнхим, Цэцэрлэг мандал уулын аймгийн бэлтгэл дунд сургуулийг дүүргэн, Багш нарыг бэлтгэх сургуулийг дүүргэн Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургуульд багшилсан түүхтэй. Энд жил гаруй ажилласан арван наймхан настай залуу Ховд аймгийн Манхан суманд сургууль байгуулахаар 1935 онд одсон байдаг. Манхан сумынхан их шооч, бэлэн цэцэн үгтэй хүмүүс тул залуу багш Хорлоод зориулан

“Хайлаар оёцтой цэнхрийн

Ханцуй ачтаа нарийн бэ

Халхын үр Хорлоогийн

Харц нь ачтаа уян бэ

Хоёроор эмжсэн цэнхрийн

Ханцуй ачтаа нарийн бэ

Хол нутгийн Хорлоогийн

Харц нь ачтаа уян бэ” гэсэн дуу хүртэл гарсан аж. Тэгэхнээ эл дууг түүний ирээдүйн гэргий Зэргийн голоор нутагтай захчин айлын охин Ноост зохион дуулсан байж. Ноост гуай Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны нягтлан бодогчоор олон жил ажилласан нэгэн юм билээ. Сэтгэл зүрхээ холбон тоонот гэрт толгой холбосон Хорлоо, Ноост хоёр өрх үүсгэж сум сунгаснаас хойш найман хүүхдийн эцэг эх болон өнөр бүлжив. Ууган охин Лхагважаваа гучин долоон оны гуцуу хөтүү тэр цагт өлгийдсөн нь орос хэлний багш мэргэжил эзэмшсэн байдаг. Удаахь охин Нарантуяа нь цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш, гутгаар охин Оюун нь дөчин гурван онд төрөв. Оюун франц хэлний орчуулагч, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн бөгөөд Парист амьдран, Сорбонны их сургууль дүүргэсэн манай шилдэг сэхээтнүүдийн нэг болсон юм. Түүний эр нөхрийг хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Сүхбаатар гэхээр манайхан андахгүй байх.

П.Хорлоо гэргий Ноостын хамт. 1960-аад он

Эдний дөрөв дэх Төгөлдөр хүү нь МУИС-ийн хуулийн ангийг гавьяат хуульч С.Нарангэрэлтэй нэг ангид суралцаж төгсчээ. Хүү Төгс нь Германд сургууль дүүргэсэн хөнгөн үйлдвэрийн механик инженер мэргэжилтэй нэгэн. Зургаа дахь охин Оюунчимэг бол Улсын багшийн дээд сургуулийг төгссөн орос хэлний багш. Аав ээжтэйгээ хамт амьдарч ачийн дээдийг нь хариулсан буянтан гэж ах эгч, дүү нар нь түүнийг нь ихэд хүндэлдэг аж. Долоо дахь охин Оюунцэцэг нь Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн хуульч хүн юм. Отгон охин Булганы хувьд 23 дугаар сургуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай нэгэн ангид суралцаж, Москвагийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн англи, франц хэлний багш мэргэжилтэн. Түүний нөхөр нь философийн шинжлэх ухааны доктор Ч.Энхбат юм билээ. Х.Булган 1991 онд УИХ-ын дарга Гончигдоржийн зөвлөхөөр ажиллаж байхдаа хориод улсын Үндсэн хуулийг орчуулж Бирагийн Чимид нарын албаны хүмүүст хүлээлгэн өгч байсан нь түүхнээ бичигдэх биз. Тэрээр одоо НҮБ, АНУ-ын Төрийн департментын гэрээт орчуулагчаар ажилладаг чадварлаг нэгэн.

Пүрэвийн Хорлоогийнх хэмээх эл өнөр айл 1958 онд Улсын их дэлгүүрийн зүүн талын нэгдүгээр 40 мянгатын I байрны гурван давхрын гурван өрөө байранд орсноос хойш өнөө ч ач зээ нар нь бужигнасан халуун голомт хэвээр аж. Пүрэвийн Хорлоо хэмээх айлын ганц хүү Зэргийн голын охинтой ханилснаас хойш ач зээ нар нь даруй дал гарчихаад байгаа нь хүний хорвоогийн нэгэн сайхан үйл гэлтэй. Охин Нарантуяагийнх нь хүү Ариунбатыг монголчууд телевизийн чадварлаг сэтгүүлч гэдгээр нь таних байх. Хорлоогийн зээ охин Баярманлай ЗХУ-ын Ленинград хотноо балетын сургууль төгсөж ирээд Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллан улмаар Монгол Улсын гавьяат жүжигчин болсон байна.

Ийм л бахархам түүх намтартай алдарт эрдэмтэн-зохиолчийн уугуул гал голомтоор зочлоход охин Оюунчимэг, Булган, зээ Ариунбат, Энхбат нар нь элгэн халуун сэтгэлээр угтсан нь сайхан. Тэд аав, ээжийнхээ тухай олон сайхан зүйлийг сэтгэл догдлон хүүрнэсэн. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийг 2010 онд нэрт академичийн нэрэмжит болгосноос хойш үр хүүхдүүд нь аавынхаа нутгийг их зоримтгой болжээ. Нэрэмжит болгосны хойтон жил хайрт аавынх нь нүдэнд дулаахан хөшөө сургуулийн үүднээ боссон болохоор арга ч үгүй биз. Хорлоогийн гэргий Ноост гуай ардын хувьсгалтай нас чацуу бөгөөд ерэн насны босго даваад тэнгэрийн орондоо оджээ.

П.Хорлоо үр хүүхдүүддээ “Өнөөдөр хийх зүйлийг маргааш бүү дуусга”, “Толгойдоо хийсэн зүйлийг хэн ч хулгайлж чадахгүй” гэж захьдаг байсан төдийгүй үр хүүхдүүдийнхээ нүдэнд өдөрт ганц цаг ч буйдан дээр нойр авч байгаагүй их зарчимч хүн байж. Ямар сайндаа л эднийхэнд хөзөр, даалуу мэтийн тоглоом мэддэг хүн ганц ч байдаггүй гэхэв. Гэрийн эзэн өдөр ч, шөнө ч үргэлж л бичгийн ширээнээ шадарлан юм бичиж суудаг, үдэш хүүхдүүдээ унтахад монгол ардын үлгэр ярьж өгч нойрсуулдаг хэвшилтэй байсан гэж байгаа. Амралтын өдөр хүүхдүүдтэйгээ Улсын төв номын санд л өнждөг байж. Охин Булган “Аав минь гудманд хамт явж байгаад таарсан хүнтэйгээ их удаан яриад зогсчихно. Одоо бодоход хууч, үлгэр домог тэр бүхнийг л яриулдаг байсан байх. Гэртээ орж ирүүтээ л тэмдэглэл хөтөлдөг байсан” гэж ааваараа бахархаж байна. Оюун билгийн өндөр чадвартай П.Хорлоо зохиолч гарын ур дүйгээр ч их уран хүн байжээ.

Охин Х.Оюунчимэг, Х.Булган нар

Түүний сийлбэрлэсэн хорол, цацал, хүрдийг өнөө үр хүүхдүүд нь дээдлэн нандигнаж байгаагаа үзүүлэв. Юм сийлэх модоо бүтэн жилийн өмнө аваад хатаадаг байсан гэхээр ямархан нямбай чамбай хүн байсныг нь илтгэнэ. “Аавын 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал саяхан болж олон ч эрдэмтэн илтгэл тавьсан. Харин зохиолчийнх нь хувьд онцын үйл ажил зохиож амжсангүй, аав минь их олон талт амьдралтай хүн байж. Тухайлбал, Ази-Африкийн эв санааны нэгдлийн хорооны даргаар хорин жил ажилласныг нь үзэг нэгт Л.Хуушаан зохиолчоос өөр хэлэх хүнгүй боллоо” гэж охин Х.Оюунчимэгийнх нь хэлсэн үг хэн хүнд нэгийг бодуулахаар л санагдсан. Өнөөгийн монголчууд бид өмнөх үеийнхнээ тэгтлээ их ойшоохоо больчихсон ч юм уу, эсвэл эрдэнэ агуулсан авдрыг юу ч биш гэж үнэлэхээ байсны гор л энэ болов уу. П.Хорлоо “Миний баяр” зөгнөлт зохиолдоо охин Булганыхаа нэрийг оруулсан байдагчлан бүх хүүхдүүдийнхээ нэрийг “Адьяахүү” зэрэг зохиолдоо бүгдийг оруулсан ачтан аж. Түмэнд нэртэй, түүхэнд алдартай ийм л сайхан ааваараа өнөөдөр үр, ач, зээ нар нь бахдан бахархаж сууна.


Categories
мэдээ цаг-үе

Монголын уянгын сод найрагч Гомбын Сэр-Од

(Г.СЭР-ОДЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД)


Хорьдугаар зууны Монголын уран зохиолын сод гайхамшигт төлөөлөгч, уянгын их түүчээ яруу найрагч Гомбын Сэр-Од Сэлэнгэ аймгийн Арбаянгол сумын нутагт 1917 онд малчин айлд мэндэлжээ. Ухаан суух гэнэхэн хонгор насандаа эцгээс өнчирч, хайрт эх Дэжидийн асрамжид мөчиг тачигхан аж төрж, Хараагийн Дара эх ламын хийд бараадан Бадма Ёго дацангийн сүргийг адгуулж бор хоногийг өнгөрөөж байсан гэдэг. Бичиж туурвисан өв цөөнтэй ч гайхамшигт найргийнхаа шидээр Монголын үгийн урлагийнхны сартваахь болон цэл залуугаараа мөнхөрсөн Г.Сэр-Од нэгэнтээ “Цагийн байдал тайвангүй, гамингийн үймээн ширүүн байв. Эхийн төрсөн дүү Гомбо ямар сайндаа “Бид дүрвэж зайлъя. Энэ улаан нярай амьтныг яадаг билээ. Амь дүйж гарахад энэ мэт өөдөсхөн юмнууд тээг болж мэдэх тул хар нутаг дээр хаяад явъя. Аз тохиож хүн олж авбал тэр биз” гэхэд эх минь найм хүрсэн үрээ айлд орхиж, балчир намайг тэврэн Хараагаас хойшхи ууланд бүгэхээр гарсан юм билээ” гэж гашуухан дурссан байдаг. Хятадын дарангуйлал хэтийдсэн тэр цэвүүн цагт улаан нялзрай балчраа хайрт эх нь буурин дээрээ орхин одсон бол монгол найргийн нэгэн тод од уянгын тэнгэртээ гялалзахгүй бөхөж ч мэдэх учир битүүлэг хувь тавилан тосох байжээ.

Багын сэргэлэн Г.Сэр-Од хүү бичиг үсэгт суралцан мэрийж сумын бага сургууль төгсөөд, Багшийн сургуульд суралцан, Хэвлэлийн хороонд хянагч хийж байгаад Дорнод аймагт багшлахаар явсан тун чиг богинохон намтартай хүн. Түүний багш, ахмад зохиолч Ц.Цэдэнжав “Намайг Рабфакийн бэлтгэл ангид 1937 онд багшилж байхад данхар толгойтой, дуу цөөнтэй, ном дандаа сугавчилж явдаг хичээнгүй хүү байсныг Г.Сэр-Од гэж мэдсэн юм. Уран зохиолын бүлгэмд сурч байхдаа бичсэн нэлээд олон шүлгээ надад үзүүлж байснаас зарим шүлгийнх нь дүрслэл бусдаас ялгарч байсан. Түүнд хэдэн дэвтэр дүүртэл бичсэн үлгэр домог, хууч яриа байдаг сан. Түүнийг нь уншихад сонсоогүй сонин хачин юм олон байлаа. Хэдий залуугаараа наснаас нөгчсөн ч билгийн хараа нь тэлсэн хүүхэд байжээ” гэж шавийнхаа талаар өгүүлж байж. Шинэ тутам байгуулагдсан Монголын уран зохиолын бүлгэмд С.Буяннэмэх нараас урмын үг сонссон залуу найрагч Сэр-Од ардын аман зохиолоос сэдэвлэж шүлэг зохиол бичдэг байв. Энэ нь ч 1930-аад оны зохиолчдын бүтээлийн нэг онцлог тал байсан гэхэд хилсдэхгүй. Тэрээр Гэсэрийн туужаас сэдэвтэй “Буйдан Улаан баатар” гэдэг найраглалыг 1938 онд бичсэн нь дунд сургуулийн сурах бичигт оржээ.

Г.Сэр-Од бага сургуульд байхаасаа шүлэг бичсэн бөгөөд дунд сургуульд ирэхдээ байгалийн шүлэг голлон бичиж байсан нь нэг үеийн суралцагч Ц.Нанзрагчаа, Ө.Лхамхүү нарын дурсамжид тодорхой бий. Тэрээр Монголын эртний сонгодог бичгийн зохиолууд, гадаадын “Үүлэн бор”, “Гулливерийн аялал”, Италийн Боккачиогийн “Декамерон”, Оросын Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зэрэг роман зохиолыг уншсанаа үеийн нөхдөдөө ярьж өгдөг байсан нь ухаан билгийн хувьд тэднээс хуруу илүү байсны баталгаа юм. Ө.Лхамхүү “Сэр-Од хичээлийнхээ чөлөө заваар уран зохиолын дугуйланд идэвхтэй суралцдаг байсан. Нэг орой намайг дагуулж тэндээ очлоо. Дугуйланг хувьсгалт шинэ уран зохиолыг үүсгэгчдийн нэг С.Буяннэмэх удирдаж зохиолын сэдвийг яаж сонгож авах, сэдвээ яаж бичих тухай ярьж, хүмүүсийн бичсэн шүлэг зохиолыг уншуулж, шүүмжлэн хэлэлцэж байв. Сэр-Одыг “Хавар”, “Намар” шүлгээ “Шинэ толь” сэтгүүлд өгөхөд шүлгийн өмнөтгөлд “Сурагч Сэр-Одын бичиж ирүүлсэн энэхүү хоёр шүлэг нь дүрслэн илэрхийлэх ур чадвараар сайн, байгалийн зураглалыг нүдэнд үзэгдтэл яруу дүрсэлжээ” гэж үнэлэн бичсэн байдаг” гэж дурссан удаатай. Сэр-Одын уран бүтээлийг анзаарч байхад бодит байдал, юмс үзэгдэлд гярхай ажиглалт хийж, ургуулан бодож, уран сайхан сэтгэмжээр баяжуулдаг нь ажиглагддаг.

Нагац ахаараа овоглосон эгэл малчны хүү эрдмийн гэрэл гэгээг эгээрэн хүсэж, шимтэн хорхойсч байснаа “Би” гэсэн шүлэгтээ

“Сургууль хэмээх нэгэн соньхон үг

Судасны цохилт сэтгэлийн үзүүрийг догдлуулахуйяа

Сонссон өдрөөс эхлэн сураглан мөрөөдсөөр

Сонирхон хүссэн гэгээн замдаа орлоо” хэмээн яруу тодоор илэрхийлсэн байдаг. Г.Cэр-Од хүний хорвоод үдийн нар шиг богинохон наслахдаа гарын арван хуруунд багтахаар цөөхөн шүлэг бичсэн. Тэглээ ч бүтээлүүд нь агуулга, утга санаа, уран сайхны нээлтийн хувьд Монголын яруу найргийн санд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй дүрслэн илтгэх арга барил, өнгө аясаараа ялгарч хожуу үеийн уянгын яруу найрагчдын туурвилзүйн гэрэлт луужин болсон юм. Найрагч

“Аавын хүүгийн зам урт

Соёлын ажлын амжилт өндөр

Нам засгийн даалгавар их

Найдварт ардын угтамж өргөн” гэж “Шөнийн онгоцоор” шүлэгтээ 1937 оны зун Хөвсгөл аймагт ухуулгын ажлаар явж байхдаа үдэш Сэлэнгэ мөрний Гуртын тавилангийн гармаар холбоо онгоцоор гаталсан тухай бичсэн нь энэ. Найрагчийг тэнгэрт хальснаас даруй гучин долоон жилийн хойно эл шүлгээр нь нэрлэгдсэн шүлгийн жижигхэн түүвэр нь 1977 онд Улаанбаатар хэвлэх үйлдвэрт хэвлэгдэж Монголын яруу найрагт нэгэн сод хүмүүн туурвиж байсныг хойч үед мэдүүлжээ.

Түүний “Дөмөн” хэмээх алдарт шүлэг бичигдсэн түүх нь залуу найрагчийн сэтгэлийн догдлол долгислыг өөрийн эрхгүй илтгэдэг. Найрагч Сэр-Од “Би 1935 оны хавар Бөмбөгөр ногоон хэмээх Төв цэнгэлдэх хүрээлэнд улсын алдарт гавьяат дуучин Цэнд-Аюушийн Төмөр “Дөмөн” хэмээх ардын дууг дуулахыг сонсож, сэтгэлд хоногших ялдам сайхан аялгуунд нь бишрэн, сэтгэл татагдаад зогсохгүй урам хөгжөөн хүсэл оргилуулсан тул үзгээ барьж шүлэг тэрлэхээс өөр аргагүй болсон” хэмээн уншигчдад өөрийн уран бүтээлийн лабораторийн нууцаасаа хуваалцсан байдаг. Уг шүлэгтээ

“Сонсон агч түмний чихний нийцэт урсгал цуурайтаж

Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зэ

Дурсан магтсан молор эрдэнэ мэт дөмөн минь

Урсан мяралзсан усан булаг мэт жигдхэн янцгааюу” гэж сонсогч түмний сэтгэлийг холбилзуулан татсан уяхан дууны эгшгийг молор эрдэнийн хүлэг мориныхоо янцгаалттай хослуулан шүлэглэсэн.

Утга зохиол судлаач, ардын билэг зүйч Д.Дашдорж “Дөмөн” шүлгийг уншихад цэцэгт сайхан талын дундуур суман дэлтэй, явдал ялгуун мориор дүүхэлзтэл давхиж, унаж яваа эзний цээлхэн дуу уянгалан хадах шиг болдог” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Найрагчийн сэтгэлийн чавхдасыг доргион хөглөж уянгын яруу шүлэг бичүүлэгч дуучин Цэнджавын Төмөр бол Дундговь аймгийн Дэлгэрцогт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын зааг нутаг Цагаанчулуут хэмээх газар 1906 онд төрсөн хүн юм. 1925 оноос 18 настайдаа урлаг соёл сэтгэлээ зориулж, Улсын төв театрын анхны дуучдын нэг болон 1940 он хүртэл ажилласан байна. Монгол Улсын “Алдарт гавьяат дуучин” цолыг 1935 онд Магсар хурцын Дугаржавтай хамт анх хүртэж байсан гэхээр ямархан гайхамшигтай авьяастан байсныг төсөөлж болно. Монгол ардын уртын дууг жинхэнэ Бараатын аялгуугаар дуулдаг, энэ аялгуугаар дуулагчдын сонгодог төлөөлөгч байсан Төмөр Улсын төв театрт байхдаа 1935 онд Москвад очиж, пянзны бичлэгт Түдэвийн хуурын аялгуу дор “Дөмөн”-г дуулж бичүүлсэн түүхтэй.

Сэр-Од хайрт ээжийнхээ тухай “Ээждээ” шүлэгтээ

“Өгөөмөр сайхан орныхоо тааламж төгсийн дунд

Өргөн түмэн ардынхаа тэтгэмж ихэд ивээгдэж

Далай мэт дэлгэр энэрлийг тань хариулахаар

Дандаа бодож явдаг минь мөхөс битгий болоосой” гэж хүнлэг сайхнаар бичсэн найрагч. “Г.Сэр-Од 1940 оны үед Дорнод аймгийн төвийн бага сургуульд багшилж байхдаа үг хөгжлийн хичээл дээр хүүхдүүдэд сэдэв өгч шүлэг бичүүлээд, шүүн үзэж шүлэг бол уран сайхантай байх, шүлгийн айзам хэмнэл гэж юу болох, мөр бадгийн жигдрэл тохирох, уншихад утга гүн илэрхийлсэн, яруу сонсголонтой байх учиртайг тайлбарлаж байсан” тухай найрагчийн шавь Д.Чойжамц, Ш.Очирхуяг нарын дурсамж бидэнд үлджээ. Д.Чойжамц УБИС-ийн уран зохиолын тэнхимийн багшаар олон жил ажиллаж, удирдсан ангиас нь шинжлэх ухааны доктор Б.Катуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нар төрж гарчээ. Эх хэлнийхээ их далайгаас сувд, таныг шүүрдэн тунгаагч Монголын уран зохиолын билэгт хөвүүн, яруу найргийн гэрэлт од Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 1990 онд бий болгож анхны эзнээр Монголын мөнгөн үеийн нэрт яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ тодорч байснаас хойш Д.Энхболд, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Л.Моломжамц, Л.Ганзул, Ц.Доржсэмбэ, Б.Золбаяр, Н.Минжинсайхан, Б.Алтанхуяг нарын дөч гаруй яруу найрагч шагнуулжээ.

Уудам энэхэн хорвоод хорин гуравхан насалсан их найрагчийн мэндэлсний зуун жилийн ойд зориулсан яруу найргийн чөлөөт уншлага, өдөрлөгийг Монголын зохиолчдын эвлэл, МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэл, “Залуу нас” уран зохиолын сонин, Хүүхдийн төв номын сан хамтран энэ сарын 22-ны 18 цагт Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд зохион байгуулахаар болсон нь алд бие үгүй боловч авьяас билэг мөнхөд үлддэгийн жишээ буюу.


Categories
мэдээ цаг-үе

Батсуурийн Баясгалан: Манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй

Б.Баясгалан

Тагтаахэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, зохиолч, орчуулагч Батсуурийн Баясгалантай хөөрөлдлөө. Шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцсэнАварга далавчтай өвгөн”, “Аз жаргалтай төгсгөл”, “Хар захын гудамжны Спинозазэрэг олон сайхан бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн түүний үг манай уран зохиолын хүрээнийхний хувьд үнэ цэнтэй байх биз ээ.


Өөрөө өрнө, дорнын шилдэг өгүүллэгийн түүврүүд, Нобелийн шагналт зохиолч Орхан ПамукийнЦасроман зэрэг нэлээд зангарагтай бүтээлүүдийг монголчилсон дуун хөрвүүлэгч. Дэлхийн утга зохиолын чиг хандлагыг тэгэхээр нэлээд гадарлаж байгаа байх. Манай Монголын уран зохиол ямар төвшинд явж байгаа бол?

-Зохиол бичиж буй хүмүүсийн боловсрол, өөрсдийгөө боловсруулсан түвшин маш зөрүүтэй л дээ. Орчин үеийн зохиолчид маш их судалгаа хийж, цэгцтэй мэдлэг, мэдээллээр зохиолынхоо гол нурууг босгож бичдэг. Боловсорсон бичээчдийн зохиол хий багатай, олон өнцөгтэй, гаргалгаа сайтай, уншигчдад нэг талын бус маш олон талын эргэцүүлэл төрүүлэх чадвартай байдаг. Сайн торго шиг нэхээс нь чигжүү бичлэгтэй зохиолууд зохиолчийнхоо авьяасаас гадна өөрсдийгөө зохиолч болгож боловсруулсан нөр их хөдөлмөрийг бэлхнээ харуулж байдаг. Би нэг их уншаагүй л дээ. Гэхдээ манай зохиолчдын бүтээл мөнөөх торгонуудын хажууд загасны тор шиг нэхээс нь өм цөм, цоорхой ихтэй санагддаг. Байгалиас заяасан авьяасдаа голдуу найдаж, оочин цоочин сонссон юмсаа мухар сүсгийн чанартай бодролуудаар голдуу гөрдөж томсон бичлэгүүд олон таардаг. Мэдээж би бүгдийг нь тэгж муулахгүй. Нийтлэг анзаарагдаж буй зүйлсийг л хэлж байна. Жишээ нь, хөгжмийн зохиолч болохын тулд зөвхөн сонсголтой байгаад л болчихгүй. Том том дуурь, романс, симфони бичихийн тулд заавал мэргэжлийн хөгжмийн сургуульд академик боловсрол эзэмшсэн байх ёстой шүү дээ. Уран зохиолын хөдөлмөр ч бас үүнтэй адил. Гэтэл манайд уран зохиолын боловсролыг үнэлдэг нэг ч хүн байдаггүй. Их сургуулиудад нь мэргэжлийн туурвилч бэлддэг анги байхгүй мөртлөө мэргэжлийн шүүмжлэгчдийг жил бүр хэдэн арваар нь төгсгөдөг. Шүүмжлэгчдээ л мэргэжүүлвэл бүтээгчид нь заяа, заваг хоёроороо болно биз гэсэн хандлагатай байдаг юм шиг. Мэргэжлийн шүүмжлэгчид нь сонирхогчдын бүтээлийг мэргэжлийн үүднээс шүүх юм байх. Би энэ тогтолцоог нь ер ойлгодоггүй л дээ. Энэ мэтээс авахуулаад бидэнд хоцрогдох шалтгаан бишгүй бий санагддаг.

Яруу найргийн хувьд ямаршуухан байх шиг байна?

-Яруу найраг хүүрнэл зохиолоос өөр шүү дээ. Ёстой авьяас, мэдрэмж нь хөтөлдөг урлаг байх. Манайхны шүлгүүд сайхан л санагддаг. Зарим талаар илүү ч юм шиг. Илүү санагдаж байгаа нь тухайн шүлгийг би төрөлх хэлээрээ хүртэж буйд байгаа байх.

Сүүлийн үед ямар бүтээлүүд орчуулж байна?

-Дэлхийн шинэ үеийн уран зохиолын өнгө төрх, чиг хандлага, шинээр гарч ирж буй авьяаслаг зохиолчидтой уншигчдаа танилцуулах санаатай нэг өгүүллэгийн түүвэр эмхэтгэн орчуулж байна. Дотроо постмодерн эрин үеийнхэн, нэн шинэ үеийнхэн гэсэн хоёр хэсэгтэй. Постмодерн эрин үеийнхэн дотор дэлхийд аль хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн ч манайд төдийлөн танил бус зохиолчид, нэн шинэ үеийнхэн дотор нь дэлхийд цоо шинээр гарч ирж буй, манайд бол бүр огт дуулдаж байгаагүй зохиолчдын шилдэг өгүүллэгүүд орж буй юм. Монгол уншигчдын чихэнд олон шинэ нэр хоногшуулж, хоцорч уншиж буй цаг хугацааг нь нэлээн сайн дөтлүүлчих түүвэр болох байх. Дараа нь Италийн зохиолч Умберто Экогийн “Сарнайн нэр” романыг уншигчдадаа хүргэнэ.

-“Болор цомч юм уу, яруу найргийн наадмууд ер нь хэрэгтэй юм бол уу?

-Хэрэг болоод сүйд болдоггүй юм гэхэд гай тариад хаа холдох вэ дээ. Хүмүүс дуртай бол уншиж, сонсож л байг л дээ. Гоё сайхан санагдсан шүлгэн дээрээ оноо тоолж байгаад шагнаж л байг. Надад бол нэг их ач холбогдол өгөөд, сүр бадруулаад байх зүйл биш санагддаг. Сэтгэл татах ямар нэг юм байгаа болохоор хүмүүс тийшээ хошуурдаг байлгүй дээ. Шүлгээ тайзнаас унших үзэгдэл ер нь нийтлэг л дээ. Ялгаа нь манайх шиг шүлгүүдийг наана цаана нь оруулан шалгаруулж бай шагнал олгодог нь цөөн байх. Хүмүүс зүгээр л нэг жижигхэн уушийн газарт цуглаад бие биедээ шүлгээ дуудах нь хаа сайгүй байдаг зүйл.

Тагтаахэвлэлийн газрынхан. Ж.Тэгшзаяа, Б.Баясгалан, У.Бямбаням нар.

-“Урлаг бол золиосгэсэн нэг үг бий. Уран зохиолын гал дөлд эрвээхий мэт үйх зоригтнууд үеийн үед л байсан санагддаг. Энэ талаар ямар бодолтой байна?

-Урлагийн төлөө юугаа золиослох вэ гэдгээс их зүйл шалтгаална л даа. Уран зохиолын төлөө бүх амьдралаа зольсон хүн гэхээр аль арвантавдугаар зууны үеийн Франсуа Вийон шиг гудамжинд гарч, арван есдүгээр зууны Рембо, Верлин шиг хөлчүүрч, Пушкин шиг халз буудалцаанаар үхэх ёстой юм шиг мөрөөдөлтгүй. Тэдний амьдарч байсан нийгэм, цаг үе, итгэл үнэмшил, үнэт зүйл өөр. Бидний цаг үе бүр ч өөр. Цаг үе минь биднийг дэмий хийсч цамнаж явахын оронд бичгийн ширээний ард тогтож суугаад өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байхыг шаарддаг. Тэдэнд одоогийнх шиг ийм олон номын сан, номын дэлгүүр, түүгээр нь пиг дүүрсэн уншигчид, ийм олон хэвлэлийн газрууд, сонин, сэтгүүл, ариутган шүүгчид, шүүмжлэгчид, шагнал зэрэг, шүүмжлэл, хайр найргүй цавчилтууд байгаагүй. Байсан бол тэд яг одоогийн зохиолчид шиг толгой өөд татахгүй уншиж, алхам бүрт өөрийгөө сорьж, хэвлэлийн газрууд, шүүмжлэгчдэд тоогдчих гээд гар хуруугаа мойнийтол болсон болоогүй юм бичиж байгаа. Юун архи, юун буу. Үүнийг л жинхэнэ уран зохиолын гал дөлд эрвээхий шиг үйх гэж нэрлэнэ байх даа.

ТанайТагтаапаблишинг шинэ үеийн уншигчдыг төлөвшүүлэхэд багагүй хувь нэмэр оруулж байгаа. Цаашид ямар бүтээлүүдийг уншигчдад өргөн барих гэж байна?

-“Тагтаа” хэвлэлийн газрынхны хувьд ажил ундарсан намар болж байна. Бид философийн урсгал чиглэлүүд, гол төлөөлөгчдийнх нь үзэл санааг хялбаршуулсан зурагт хөтчүүд цувралаар гаргаж байгаа. Модернизм, Сартраар эхэлсэн эл цуврал маань удахгүй Германы их сэтгэгч Ницшегээр бүл нэмэх гэж байна. Философийн хүнд хүчир төвөгтэй санаануудыг энгийн ойлгомжтой, бас ч гэж зугаатай тайлбарласан, орчин үеийн завгүй уншигчдыг олон арван боть ном тэвэрч суух нүсэр ажлаас аварсан, тэгсэн атлаа тун ч цэгцтэй мэдлэг олгочих цуврал юм. Утга зохиолын бүтээлүүд маань Канадын зохиолч Янн Мартелын “Пигийн амьдрал” хэмээх романаар намрын нээлтээ хийлээ. Англи хэлтний уран зохиолын шилдэг номын шагнал “Man Book­er” хүртсэн эл ном хүмүүст хувь тавилангийн өмнө хүчин мөхөстсөн ч дотоод итгэл найдварынхаа хүчээр тэсээд үлдэх тамир өгнө гэдэгт итгэж байна. Ерөнхийдөө шинэ үеийн уран зохиолын хэв шинжийг илтгэсэн сайн бүтээл. Бас бүх насныхан уншаад дурлахаар ном гэх үү дээ. Харин удахгүй гарахаар төлөвлөж буй номуудын тоонд Орхан Памукийн “Миний нэр Улаан” роман, мөн зохиолчийн “Истанбул” дурсамжийн ном, Салман Рушди хэмээх дорнын том сартваахийн “Шөнө дундын хүүхдүүд” роман, Умберто Эко гэж италийн нэрт зохиолч, семиотикчийн “Сарнайн нэр” роман, францын зохиолч Франсуа Саганы “Сайн уу, гуниг минь!” роман, сонгодгуудаас Жэйн Остины “Ихэрхэл ба эндүүрэл” романууд уншигчдын гар дээр очихоор бэлтгэгдэж байна. Салман Рушдигийн “Шөнө дундын хүүхдүүд” л гэхэд англи хэлтний уран зохиолын шилдэг номын шагнал “Man Booker”-ийг 1981 онд хүртэж, 1993 онд 25 жилийн ойгоо тэмдэглэж асан тус шагналын хамгийн шилдэг буюу “Booker of Booker” шагналыг, 2008 онд 40 жилийн ойгоор нь тус шагналыг хүртсэн дөчин романы хамгийн шилдэг нь ахиад л болсон юм. Харин Умберто Экогийн “Сарнайн нэр” бол постмодерн уран зохиолын гол үлгэр жишээ болсон бүтээл юм.

ӨөрөөХөх мэдрэхүйутга зохиолын бүлгэмийн гишүүн. Танай бүлгэмийнхэн уран бүтээлийн ямар олз омогтой явна даа?

-Энэ бүлэгт найман хүн бий. Уран зохиолыг ширээ тойрч суугаад нийлээд биччихдэггүй болохоор тус тусынхаа зам мөрийг хөөгөөд амьдарцгааж байгаа. Бүгд хувь хувьдаа уран бүтээлийн олз ихтэй байгаа гэж итгэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Гурван үеийн гэрээт хилчид Сулинхээрт чуулж, эх орныхоо өмнөд хилийг эргэв

Сайн сүүжийн заставын гэрээт хилчид

Есдүгээр сарын эхэн намрын шар нар ээсэн өдөр Хил хамгаалах ерөнхий газрын үүднээс хоёр гурван автобус, цэргийн ачааны камаз машинууд, оросын фургон зэрэг тав зургаан техник хэрэгсэлтэй цуваа нийслэлээс зүүн өмнийг чиглэн хөдөлсөн сөн. Төв аймгийн Баян сумын нутаг уудам талд түр зогсох үед намар атлаа зунаараа нялхарсан цэцгүүд найгаж харих биш ирэх цагийг сэтгэлийн аглагт урин авчирна. Өглөө эртлэн гарсан манай цуваа Дорноговь аймгийн Сайншанд хотод үдээс хойш очиж, унаа тэргүүдээ шатахуунаар цэнэглэн, Сайншандын цаахна талд байрласан цэргийн хөдөлгөөнт хэсгийн хээрийн багахан анги дээр үдлэв. Өмнөд хилийг зорих болсны учир нь эх орныхоо хилийг нүд цавчилгүй хамгаалж яваа гурван үеийн гэрээт хилчдийн чуулга уулзалтыг Сулинхээрийн отрядад зохион байгуулах гэж байгаа талаар ХХЕГ-ын захиргааны удирдлага хариуцсан дэд дарга, бригадын генерал Жамсрангийн Бямбасүрэнгээс мэдэж авав.

Гэрээт хилчин гэсэн үг олон нийтийн чихнээ хоногшоод нэлээд хэдэн жил болсон. Анхандаа ч хилийн ойролцоох малчин ардуудтай л гэрээ байгуулж хилээ хамгаалах юм байна гэж ойлгогдож байсан. Тэгвэл өнөө энэ ойлголт их эерэг бөгөөд мэргэжлийн гэрээт цэрэг гэж хэлэгдэхээр түвшинд хүрчээ. “Гэрээт цэрэг гэрэлтэй алба” гэсэн шинэ цагийн хэлц үг ч бий болж. Монгол Улсад Хил хамгаалах байгууллага албан ёсоор байгуулагдаад ная гаруй жилийн түүхээ хэдийнэ бичсэн бол гэрээт цэргийн алба бий болоод даруй арван жилийн ойтойгоо энэ онд золгож буй аж. Өнгөрсөн арван жилийн хугацаанд гэрээт хилчний албанд хоёр мянга гаруй залуу сайн дураараа ирснээс Хилийн сургууль болон Оросын холбооны улсын Хилийн албаны институдэд 25 хүн элсэн суралцаж төгсөөд эдүгээ офицероор ажиллаж байна. Өнөөдөр л гэхэд Хууль сахиулахын их сургуульд 55, ОХУ-ын Курган хотын Хилийн институдэд 15 гэрээт хилчин ирээдүйн офицероор бэлтгэгдэж байна. Мөн 413 гэрээт хилчин гэрээгээ дуусгаад ахлагчийн албанд шилжин амжилттай ажиллаж буй бөгөөд энэ хугацаанд нэг гэрээт хилчин олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцжээ.

Хээрийн хоймор голлосон нэгэн асарт Дорноговь аймгийн музейнхэн үзмэрүүдээ дэлгэжээ. Музейн захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат “Манай музейд Чингис хааны төрийн есөн хөлт цагаан тугийн жинхэнэ эх хувь хадгалагддаг. Арвай генералын эдэлж байсан гар буу зэрэг ховор үзмэрүүд бий” гэж байна. Улаан-Уулын отрядын хилчдийн бэлтгэсэн тоглолт сонирхоод Хатанбулаг сумыг зорилоо. Байгуулагдсан цагаасаа эхлэн Замын шандад зожигрон байсан Хилийн 0168 дугаар анги ноднин жил Хатанбулаг сумын зүүн урд хаяанд нүүж ирэн тохижоод байгаа аж. Шувуу ч нисэхгүй шахам эзгүй буйд газар зэрлэгших шахуу байсан Сулинхээрийн отрядынхан харьцангуй төв суурин газарт суурьшсанаар цэргийн албан хаагчдын үр хүүхдүүд хүртэл сургууль, цэцэрлэгтэйгээ золгоцгоосноо ярьж байсан. Сулинхээрийн отряд сум, аймгийн төвд бус зээрийн сүрэг нүүдэллэх зэлүүд талд байрлаж байсан болохоор улс орны хөгжлөөс хүссэн, хүсээгүй хоцорч байж. Сургууль, эмнэлэг, банк гээд нийгмийн үйлчилгээ авахын тулд 45 километрийн цаана орших Хатанбулаг сумын төв орно.

Гэрээт хилчид эргэлийн зоон дээр

Гурван үеийн гэрээт хилчдийн чуулга уулзалт 0168 дугаар ангийн жагсаалын талбайд цэргийн сүрлэг жагсаалаар эхэлсэн. Энэ үйл ажиллагаанд Хатанбулаг сумын ИТХ-ын дарга Энхцэцэг ирж оролцон хилчин дайчдад баяр хүргэсэн юм. Хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албыг анх 2007 оноос туршилтын журмаар хэрэгжүүлэн, улмаар дараа жил нь өмнөд болоод хойд хилд нэг, нэг заставыг энэ албанд шилжүүлсэн байдаг. Гэрээт хилчний албаны Загалмайлсан эцгээр ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнг нэрлэхэд хилсдэхгүй. Хил хамгаалах байгууллагын удирдлагууд одоогоос арван жилийн өмнө туршилтын журмаар гэрээт хилчин элсүүлэн, улмаар энэ бүгдийгээ удирдах дээд байгууллага болоод УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн түвшинд ойлгуулсан байдаг. Гэрээт хилчний албаны журам дүрмээ ч гарган батлуулав. Эхний үед “Энгийн ч юм шиг, цэргийн ч юм шиг эрлийз алба нэг их хол явахгүй” гэх хүн мэр сэр байж. Гэрээт цэргийн алба хаагч хоёр хоёроороо нэг өрөөнд төрсөн гэртээ байгаа юм шиг амьдарна гэхээр хэн хүний санаанд буудаггүй. Гэрээт хилчид цалин авна, дуртай хоолоо захиалж зооглож болно, амралтынхаа үеэр биеийн тамирын хувцастай байхыг зөвшөөрнө гэх зэрэг үнэхээр санаанд багтамгүй заалтууд уг журамд нь багтаж байв.

Гэхдээ гэрээт хилчний алба эрсдэлтэй, бас тодорхой хэмжээгээр хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, алба үүрэг нь цэргийн дүрэм журмын дагуу явагдана гэдгийг тусгасан байлаа. Хэдийгээр хугацаат цэргийн алба хаагчаас хамаагүй өөр нөхцөлтэй боловч амралтын газар шиг биш шүү гэдгийг илэрхийлсэн байв. Зөрчил гаргавал авах мөнгөтэй нь ярихаас гадна гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ ч журамласан байлаа. Ажлын байр хомс хөдөөгийн аймаг сумдын иргэд залуус ажлын байртай болохоос гадна гэрээт хилчид маш олон нийгмийн халамж, хөнгөлөлт эдэлнэ. Хамгийн гол нь тогтмол цалинтай. Мөн цаашдаа гэрээгээ дууссаны дараа албаа үргэлжлүүлэн ахлагч, офицерийн бүрэлдэхүүнд шилжих боломжийг тусгасан байлаа.

Гэрээт хилчний алба ингэж Монгол Улсын хил хамгаалах байгууллагын түүхэнд бичигдэж эхэлсэн байна. Улсынхаа дархан хилийг хамгаалж яваа газар газрын гэрээт хилчид чуулж биенээсээ туршлага судалцгаасны дараа сагсан бөмбөгийн тэмцээн болов. Адуу шиг дэжигнэсэн залуусын золбоо хийморийг чухам эндээс харж болохоор аж. Үдэш нь туяа тоо хийж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгынхан тоглолтоо толилуулав. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Март, дуучин Отгонжаргал, Дүүриймаа, Хаш нарын дуулахыг ахин дахин дахиулах эр цэргүүдэд урлагийн амьд тоглолт чухамдаа ангааг нь тайлах рашааны дусал гэлтэй.

Сулинхээрийн отрядаас Сайн сүүжийн застав руу явах замдаа дорнын говийн үзэсгэлэнт газруудын нэг Эргэлийн зоог зорин очиж сонирхоцгоолоо. Эргэлийн зоо сумын төвөөс баруун хойш 20 гаруй км зайтай бөгөөд энэ нутгаас олдсон эрт галавын олон амьтны чулуужсан яс дэлхийн болон Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байдаг. Байгалийн гайхамшигт сонин тогтоцтой археологийн олдвор ихтэй эл газраас гучин сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн загас, яст мэлхий, гүрвэл зэрэг сээр нуруутны олдворууд их олддог төдийгүй хурдас чулуулгаас тогтсон ширээ хэлбэрийн тэгш өндөрлөг билээ. Эртний амьтан, ургамлын ховор олдворыг байгалийн байдлаар нь хадгалах зорилгоор 1996 онд УИХ-ын 43 дугаар тогтоолоор Эргэлийн зооны 609 км кв талбайг улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Анх 1920 онд Америкийн эрдэмтэн Рой Чэпмен Эндрюсийн судалгаа шинжилгээний анги ирж судалж байсан аж. Эндрюс Эргэлийн зоо орчмоос гурван зуу орчим тэмээн ачаа авч явсан нь үнэлэхийн аргагүй гайхамшигт олдворууд байсныг өнөөдөр бид бэлхнээ мэдэх болжээ. Оросын эрдэмтэн И.А.Ефремов, Польшийн нэрт эрдэмтэн К.Яваровская нарын удирдсан олон экспедици түүнээс хойш ажиллаж судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Энэ газрын тухай дэлхийн эрдэмтдийн бичсэн 50 орчим эрдэм шинжилгээний бүтээлүүд байдаг ба тэдгээрт Эргэлийн зоог “Алтан уул” хэмээн нэрлэж алдаршуулсан байна. Эзэн богд Чингис хаан өмнө зүгийг дайлаар мордох үедээ Эргэлийн зоон дээр буудаллан мөнх хөх тэнгэртээ сүслэн мөргөөд явдаг байсан домог ч байдаг. Нутгийн ард түмэн энэ сайхан нутгийг эрт дээр үеэс тахин шүтэж, морь уралдуулж, бөх барилдуулан өргөн дэлгэр наадам хийдэг байжээ.

Сайн сүүжийн заставт очиход морьтой хилчид алсаас угтаж авав. Генерал Бямбасүрэнд уужим сайхан ташаатай том хонгор морь бэлджээ. Заставын дарга О.Ууганбаяр дөрөөн дээрээ өндийн хил тайван байгааг илтгэхэд дарга цэрэг гэлтгүй хэн хүний сэтгэл долгисон хөдөлж байв. Сэтгүүлчид хилийн харуулын цамхагт очиж зураг хөрөг авахуулахаар мориор явах үед заставын гэрээт хилчин Баянмөнхийн уруулаас жаахан угзарлаа. Баянмөнхийн аав ээж, ар гэр нь Увс аймгийн Улаангом хотынх аж. Тэр хоёр жилийн гэрээт хилчнээр Сайн сүүжийн заставт иржээ. Цалин мөнгөтэй, хангалт сайтай учир эх орныхоо хилийг хамгаалж, эрүүл саруул хөдөөгийн буйдад амьдрах нь түүнд их таалагддаг гэнэ. Энэ заставын гэрээт хилчин Чойжамцын өрөөнд тухалж нэг хоногийг үдлээ. Чойжамц бол биеэр шавилхан ч их сэргэлэн залуу юм. Тэрээр бодибилдингийн тэмцээний аваргаар хоёр ч удаа шалгарч байсан хүчтэн аж.

Заставын дарга генералд илтгэл өгөв

Харин хугацаат цэрэг Б.Адарсүрэнгийн хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд аав, ээж, дүү нар нь мал маллан амьдардаг айлын ууган хүү юм. Түүний хувьд ирэх намар халагдаж нутагтаа очиж малаа маллах сонирхолтойгоо ярьж байсан. Хилийн туслах гишүүн Маамын Машбат хэмээх хижээл насны айлд очлоо. Хилийн туслах гишүүн гэдэг нь хил орчмын бүсэд амьдардаг малчин өрхүүд хилчин дайчдын хэрэгцээтэй үед унаа мал, хоол хүнсээр туслах үүрэг хүлээдэг айлыг хэлдэг аж.

Сайн сүүжийн заставын сургалт эрхэлсэн орлогч Баттөгөлдөр арваад жилийн өмнө хил зөрчигч илрүүлж ерөнхий командлагчаас “Онц хилчин” одон тэмдгээр шагнагдаж байсан хилчин юм. Заставын бас нэг орлогч Ганзул ч бас хил зөрчигч илрүүлж байж. Ийм л сэргэг хилчдийн соргог харц улс орноо, уулс даваагаа харуулдан хамгаалж байдаг нь бахархалтай санагдаж байлаа. Долоодугаар заставын ахлах дэслэгч Доржсүрэнгийн Чагнаадорж ахлагчтай морин цэргийн багийнхны үзүүлбэр монгол хүн бүрийн сэтгэлийг огшоох зүйл байлаа. Тэд уран сайхны кинон дээр л гардаг шиг жижиг дарцаг шүүрч, мориныхоо нэг тал руу нуугдан чирэгдэж, давхиан дунд нь бууж мордох гээд олон чадварлаг үзүүлбэрээр бидний харцыг мялаав. Дорнын говь, өмнийн хилд тэмээ гээч буянтай мал их нэмэр болдог нь илт. Өвлийн нүүр нүдгүй шамаргалах цасан шуургатай шөнө тэмээ хилчдийн дулаан нөмөр, ээлтэй нөхөр болсон тухай олон хилчний ярихыг сонсоход цаанаа л таатай. Сайн сүүжийн заставаас Замын-Үүдийн хилийн анги хүртэл явах зам элсэн манхан ихтэй учир унаа тэргээ бууж түрэх зэрэг бага сага адал явдалтай явсан.

Хилийн 0129 дүгээр ангийн онцлог бол эх орны зүүн өмнөд хаалга болсон Замын-Үүдээр орж гарах хөдөлгөөнийг хянадгаараа онцлог. Энэ хавархан гэхэд өмнөд хөршийн нэг иргэн машинтай хил зөрчиж орж ирснийг илрүүлэн буцааж байсан. Эдний ангийнхны нэг чухал үүрэг бол янз бүрийн үүлдрийн хилчин нохой бэлтгэх сургуулилт байдаг аж. Түвд банхар, герман овчарка зэрэг нэлээд олон үүлдрийн ноход бараг хүнээс дутуугүй сургуультай болж буйг энд харж болно. Хилийн 0129 дүгээр ангийн захирагч, хурандаа П.Эрдэнэбат Улаанбаатар хотын унаган хүүхэд гэхэд хил дээр хорь гаруй жил алба хааж буйгаа бахархан ярьж байна. Ер нь хилчдийг анзаарч байхад ихэнх нь удам дамжсан хилчид байх жишээний. Бригадын генерал Бямбасүрэнгийн аав, авга хоёр нь гэхэд л хилийн цэргийн офицерууд юм билээ. Харин генерал өөрөө Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын мужаанаар анх ажилд орж, улмаар Хилийн сургууль дамжин суралцаж өнөөгийн өндөрлөгт хүрчээ. Монгол Улсынхаа өмнөд хилийг тойрсон сэтгүүлчдийн аялал Замын-Үүдийн хил дээр босгосон бага дэслэгч Жамбаа, байлдагч Данх, Дашдаваа, Чойсүрэн, Сундуй нарын бүрэлдэхүүнтэй манаа 1943 оны есдүгээр сарын 7-нд гадаадаас хил нэвтэрсэн зэвсэгт бүлгийг няцааж гавьяа байгуулсан Данх толгойн дурсгалын гэрэлт хөшөөнөө очсоноор үндсэндээ өндөрлөсөн юм.


Categories
мэдээ цаг-үе

Хубилай Хааны сэрүүн Лаврин-Шандуугийн Шар талаас шилийн гол аймгийг хөндлөн туу

Түрүүч нь №142(5709), 143(5710) дугаарт


Шулуун хөх хошууны нутагт орших Юань гүрний дээд нийслэл Шанду балгаснаа өглөөгүүр очиход нар сайхан гүлгэрч байв. “Тогоонтөмөр хааны гэмшил” шүлэгт гардаг нөгөө алдарт Шандуугийн уудам тал шар хадаг дэлгэсэн мэт намиатна. Энд агуу их өвөг дээдэс минь нутаглаж, гүрэн улсаа нийслэлж байсан гэхээр омогшихгүй байхын аргагүй. Омогшлоо гээд эдүгээ нэгэнт хилийн дээсээр тусгаарлагдсан “хүний нутаг”-т хөөрөлхөн цээжээ дэлдээд давхиад байлтай биш. Харин харах нүдэндээ гуниг хавчуулалгүйгээр түүхэн үнэнтэй эвлэрэх л үлджээ. Гэхдээ тэнд бидний элэг нэгт өмнөд монголчууд маань аж төрж байна. Тэгэхээр бас ч монгол нутгаа монгол хүн нь орхисонгүй ээ гэж бодож болох бүрэн үндэстэй. Хятадын Мин улсын хүчирхэгжилтийн үед Хубилай хааны дээд нийслэлийг ёстой нэг тариачны оромж, гахай нохойн хороо болгож орхижээ. Одоо харин туурийг сэргээн газрын гүнээс дэлхийн нэгэн цагийн гайхамшгийг гаргаж байна. Их Монгол улсын нийслэл Хархорин, Юань гүрний дээд нийслэл Шанду, сүүлд дэлхийг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор 1264 онд байгуулсан Их Юань улсын Төв нийслэл Бээжин гурав уртрагийн нэг шугамд дараалан байрласан байдаг гэж Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны Шанду хотын туурийн хөтөч бүсгүй Ургамал ярьж байсан. Шандугаас Бээжин хүртэл 108 уулын оройд цэргийн харуул, галаар дохио өгөх цонжин байрлуулсан нь одоо ч ул мөр нь хэвээрээ. Дэлхийн жолоог атгаж байсан их хааны тухайн үеийн утаат гал, гэрлэн дохио Шандугаас дамжуулсан төрийн чухал “мэдээ”-г 26-хан минутын дотор Бээжинд уламжилдаг байсан гэхээр монголчууд зөвхөн морь болоод зэвсгийн хүчээр дэлхийг эзлээгүй, харин ухааны хурд, сэтгэл итгэлийн шидэт мэлмийгээр энэ их өргөн уудмыг халиадаг байжээ гэсэн бодол төрнө.

Юань гүрний дээд нийслэл Шандуг 1256 онд Шандын шар тал хэмээх алтан шар лянхуа дэлгэрдэг тэгш сайхан талд Хубилай хаан байгуулж, хожим нийслэлээ Бээжинд нүүлгэсний дараа өмнө газрын халуунаас дайжин, ноёд түшмэд, цэрэг цуух, агь хатдаа аван Шандын шар талын сэвэлзүүр салхитай сэрүүн дэнжид шилжин ирж, төрийн хэргээ явуулдаг байснаас Шандуг зарим түүхэн эх сурвалжид “Хубилай хааны зуны сэрүүн лаврин” хэмээн тэмдэглэсэн байдаг. Хотын туурь тэг дөрвөлжин, хааш хаашаа 2200 метр урт. Гадаад, дотоод хот болон цэцэрлэгт хотыг тусгаарласан гурван давхар хэрмэн хашаатай. Долоон зууны тэртээх тоосгон хана болоод туурийн хэрмийн хээ хуар одоо ч тодхон харагдана. Нэгэнтээ дэлхийн нийслэл байсан эл хотыг 1358 онд улаан арчууртны бослогын үеэр галдан шатаажээ. Анхны оролдлогоор бүтэн шатаагүй хотыг 1363, 1368 онд шатаан эвдэлжээ. Туурийн зүүхэн талд алтан шар сүрлэг орой нь наранд гялбасан асар том ордон хотыг байгуулж. Юун учиртай хот болохыг лавлатал 2019 онд дэлгэцнээ гарах “Хубилай хаан” тавин ангит киноны зураг авалтад зориулан дээд нийслэл Шандуг дуурайлган барьж буй аж. Туурийн олдворуудыг дэлгэсэн музейн загварыг алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн зураг дизайныг зохиосон Ли Шин Ган хийсэн гэнэ. Уулын аман дахь хуучин уурхайн хонгилыг түшиглэж босгосон Шанду музей нь газраас доош хоёр давхар, дээшээ мөн хоёр давхар аж.

Элэг нэгт өмнөд монголчууд маань засаг захиргааны хувьд БНХАУ-ын бүрэлдэхүүнд байдаг ч “Өөртөө засах орон” хэмээх тодотголтой байдаг нь үндэсний хэл, соёл, түүх, өв уламжлалаа хадгалан авч үлдэх талаар их зүйл хийж байна. БНМАУ-д уйгаржин монгол бичгээ халж, кирилл бичиг рүү шилжин орсны дараахан билгүүн номч Бямбын Ренчин Өмнөд Монголд ирж, тухайн үеийн удирдлагуудтай 1957 онд уулзах үеэрээ “Бид тэмцэж дийлэхгүй бичиг үсгээ алдчихлаа. Одоо та нарт л найдъя. Яаж ийж байгаад монгол бичгээ аваад үлддэг юм шүү” гэж захьсан гэдэг. Алдарт “Монгол хэл” шүлгээ 1957 онд Хөх хотод аялж явахдаа бичжээ. Монгол бичгийг шинэчлэн хөгжүүлэх ажлыг манлайлан удирдсан, тухайн үеийн ӨМӨЗО-ы Засгийн ордны дэд тэргүүлэгч байсан Хафүнгаатай Бямбын Ренчиний авахуулсан түүхэн гэрэл зураг архивт хадгалагдан үлджээ. Өмнөд монголчууд маань тэр үед зөрүүтэй олон аялгуунуудаа судлан нэгтгэж, нэгдсэн баримжаа аялгуу хэрэглэхээр тогтож, Их Монгол Улсын сүүлчийн хаан Лигдэн хааны Цахар овгийн аялганд суурилж уламжлалт монгол бичгийн хэлний авиагаар дүрэм зохиож, үүнийгээ бүх Өвөр Монгол даяар даган мөрдөхөөр зарлан түгээжээ. 1979 оны есдүгээр сард энэ шийдвэр гарахаас өмнө Өмнөд Монголын үндэстэн ястнууд цуглаад, хурал зөвлөгөөн найр хурим хийхэд нэг нэгнийхээ яриа, аялгыг огт ойлгохгүй байх явдал нийтлэг байж. Монгол хэлний баримжаа аялгууны стандарт хамгийн сүүлд 2001 онд ахин шинэчлэгдсэн. Ингэж өмнөд монголчууд цахар аялгыг баримжаа төв аялгаа болгон авсан түүхтэй аж.

Их Хянганы уулсын урд үзүүр ӨМӨЗО-ы Хишигтэн хошуунд хүрдэг. БНХАУ, Монгол Улсын сэтгүүлчдийн “Хөгжилд хөтөлсөн-70 жил” аяллын багийнхан маань Шулуун хөх хошуунаас Хишигтэн хошуунд хүрэлцэн очив. Их хаадын маань хишигтэн цэргүүдийн өлгий болсон эл хошуу битүү ногоон хөвч, өндөр сүрлэг уулстай манайхаар бол Хөвсгөл, Хэнтийн сайхан уулс мэт тогтоцтой. Байгалийн энэ үзэсгэлэнгээ ашиглаад Хишигтэн хошуу аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлж байна. ЮНЕСКО-гоос Хишигтэн хошууг бүхэлд нь 2001 онд “Дэлхийн геопарк” хэмээн бүртгэж авчээ. Монголд маань ийм сайхан уул устай газар олон байгаа ч бид аянчин жуулчдын хөлд даруулаад байх сонирхолгүй нь нэг талдаа сайхан юм даа. Асгат хад гэдэг сөнөсөн галт уулын тогтоц бүхий газар гэхэд Хишигтэн хошууны нутагт битүү ногоон хөвчийн дунд тархан байрласан найман хэсэг сонин содон хадан тогтоцоос бүрддэг. Одоо энэ паркийг нийт Хятад улсын хэмжээний тавдугаар дэсийн (манайхаар 5 одтой болгох) аялал жуулчлалын бүс болгохоор төлөвлөж, уулын бэлд дээд зэрэглэлийн зочид буудал, үзвэр үйлчилгээний газрууд, харин уулынхаа хадтай хэсэгт алхаж зугаалахад зориулсан өндөр зэрэглэлийн модон зам, шат, тавцангууд барих их бүтээн байгуулалт ид өрнөж байна. Хишигтэн хошууны бас нэг сайхан байгаль бол “Тал нутгийн гэрэлт сувд” гэгдсэн Далай нуур юм. Далай нуур БНХАУ-ын хувьд хун шувуутайгаараа алдаршсан гуравдахь том нуур гэнэ. Намар энд жаран мянга орчим хун чуулдаг болохоор тэгж нэрлэх нь аргагүй байх. Өмнөд Монголдоо хоёр дахь том нуур юм байх. Чингис хаан Дал нуур хэмээн нэрлэсэн гэх домогтой эл нуурт 297 төрлийн жигүүртэн шувууд байдаг нь загас жараахай элбэгтэйнх буюу. Шувуудын өлгий энэ нутагт 448 төрлийн ургамал ургаж, гучаад төрлийн загас байдгаас цагаалж болон гилтэй загасыг үржүүлдэг байна. Бээжингийн олимпийн үеэр энэ нуурын хоёр төрлийн загасаар тусгай зоог бэлдэж зочдоо дайлж. Учир нь ихэнх нуур цэнгэг байдаг бол энэ нуур хужиртай учир загас нь онцгой амттайн дээр органик гэдгээрээ онцлог учир тийнхүү сонгогджээ. Энэ нуураас жилдээ 30-40 тонн загас олборлодог. Илүү олныг олборлох нөөцтэй ч, энэ нуураас хооллодог 297 зүйлийн шувуудыг “хүнсний нөөцөд” үлдээдэг гэнэ.

Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолтын гол балгасны малчин С.Баатарынд баахан торон хашаа сүлжиж явсаар очив. Тэдний гацаа нутаг бэлчээр багатай учраас орлого муу. “Уг нь малчин айл таван хошуу малаа маллаж байж л ашиг шимийг нь хүртэнэ, даанч малжлын талбай бага” гэж байна. Тиймээс өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн үхэр малладаг юм байна. Наяад онд монгол гэр байхгүй болсноор малчид үндсэндээ суурин болж отор нүүдэл хийхээ больжээ. Эднийх ӨМӨЗО-ы “Гоо сайханч гэр бүл”-ийн шагналыг хүртсэн мундаг айл юм. Нэг эр хонио дунджаар мянган юаниар худалдана. Хоёр зуу гаруй үхэртэй эднийх саалийн хорь гучин үнээтэй, зуун кг татсан эр тугалаа намар долоон мянган юаниар борлуулдаг гэнэ. Бүдүүн шар үхэр бол 13-14 мянган юанийн ханштай байдаг гэнэ. Жилийнх нь нийт орлого 400 мянган юань болно. С.Баатарынх ачааны болон хадлангийн машин, суудлын гурван машинтай юм билээ. Бид Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуур балгасны Хараат гацааны нутагт бэсрэг наадмын зочид болов. Нийт 25 морь уралдсаны магнайд нэгэн эгдүүтэй бяцхан унаач хүү давхиж явсан ч, дөхөөд ирсэн чинь мориныхоо амыг дийлэлгүй, айргийн гурваар орж ирсэн. Уралдсан морьдыг харахад араб зэрэг эрлийз морьд нэлээд байна. Харин алдарт үзэмчин цагаан адуу бол эл нутгийнхаа байгаль, цаг уурт зохицсон шилмэл үүлдэр гэх малчид олон байсан. 64 бөхийн барилдаанд тэнд Өмнөд Монголын аварга Баярбаатар нарын мундаг бөхчүүл ч барилдсан. Эл Баярбаатар аварга манай Санжаадамба аваргыг давж байсан хүчтэн гэнэ.

Шилийн хотын мах боловсруулах “Гранд фарм” компанитай танилцах үед “Мал аж ахуйн орон мөртлөө бид өрсөлдөөнд ялагдах нь уу” гэсэн бодол төрснийг нуух юун. Эднийх 1982 оноос хойш 35 жил xөдөө аж аxуйн чиглэлээр судалгаа, туршилт, үйлдвэрлэл эрxэлсэн xувийн компани бөгөөд байнга шинэ теxнологи эрж xайн, амьдралд нэвтрүүлж явдгаараа алдартай гэнэ. Үйлдвэрийн барилгын эргэн тойронд битүү хайрга дэвссэнээр ялаа шумуул шаваx аюулаас сэргийлдэг аж. Энэ үйлдвэр маx боловсруулаx чиглэлээр Ази тивдээ хамгийн том үйлдвэр болох гэнэ. Одоогоор барилга байгууламжийн тал xэсэг нь л баригдсан ч, баригдаж эxлэxдээ л үйлдвэрийн шугамаа суурилуулаад эxэлсэн болоxоор xонины маx боловсруулаx эxний xэсэг нь өнгөрөгч оны есдүгээр сараас бүрэн xүчин чадлаараа ажиллаж эxэлжээ. Гадаад дотоодын хэрэглэгчид манайxан шиг малчны xотонд юмуу, малын заxад өөрсдөө очоод, идэx махаа сонгож аваад явна гэж байxгүй болоxоор эндxийн малчид малаа xэрэглэгчдэд шууд зараx боломж хомстож, тэр чинээгээр заx зээл нь xумигдсaнaac болоод, xэдийгээр xэрэгцээ нь байгаа ч, xонь малын үнэ байнга буурч, энэ нь малчдын амьжиргаанд муугаар нөлөөлөx болжээ. Харин энэ үйлдвэр ашиглалтад орсноор тэд малаа тушааx шинэ заx зээлтэй болсон байна. Yйлдвэрийн xонины маxны шугам л гэxэд өдөрт 10 мянган xонь оруулах xүчин чадалтай aж. Дэд заxирал Ю Зон Зэний xэлж байгаагаар энэ үйлдвэр малын амьсгалаас бусдыг ашигладаг, бүрэн автомат, орчин үеийн үйлдвэр гэдгээрээ онцлогтой гэнэ. Үйлдвэрийг барьсан энэ газар нь Шилийн гол аймагтаа нэлээд дээгүүрт тооцогдоx нүүрсний том уурxай байгаад, xэдэн жилийн өмнө нөөц нь дуусч, xөрс нь эргэсэн асар том xаягдал талбай байсан юм байна. Малын ялгадастай үйлдвэрийн боxир усыг даxин цэвэрлэж, талхалсан xөрсийг нь тэжээснээр, үйлдвэрийн эргэн тойронд таримал ногоон ой цоо шинээр урган төлжиж байгаа нь нүднээ илхэн. Мал угаасан боxир ус xүртэл ингэж даxин ашиглагдах юм байна.

Шилийн хотод бид Өмнөд Монгол төдийгүй Хятад даяар алдартай олон хүнтэй уулзсан. Олон улсын болон Хятад улсын xэмжээний шог зураачдын хэдэн арван уралдаан тэмцээний хамаг шагналыг хамсан Ба.Билэг xэмээx нэгэн шог зураачийн үзэсгэлэнгээр зочилсон. Алдар нэрд xэдийнэ xүрсэн тэрээр түм түжигнэсэн нийслэл xотод суурин сууж, бүтээлээ борлуулан цааш улам дээшлэx бүрэн боломжтой ч, өсөж төрсөн Шилийнгол аймгаасаа салаx дургүй, төрөлx нутагтаа ерөнхий боловсролын сургуульд багшлангаа бүтээлээ туурвин дарууxнаар амьдардаг нэгэн аж. Оюутан байxаасаа л улсын чанартай тэмцээн уралдаанд оролцож, түрүү байруудыг авч эxэлсэн түүний бүтээлүүд Иран, Швейцари, Америк, Сири, Кени, Польш, Болгар, Украйн, Азербайжан, Иx Британи, Герман, Чеx, Франц, Энэтxэг, Орос, Португал, Мексик, Монгол зэрэг дэлxийн 35 оронд дэлгэгдэн, олон улсын уралдаануудын тэргүүн, дэд болон шагналт байруудыг эзэлж байжээ. Ба.Билэгийн шог зургуудыг “Хятадын мэдээ”, “Өдрийн мэдээ”, “Бээжингийн мэдээ”, “Шилийнголын мэдээ”, “Шинжааны мэдээ”, “Хошигнол ба ёжлол”, “Бээжингийн өдрийн мэдээ”, “Өвөр Монголын мэдээ”, “Шилийн xотын мэдээ”, “Хятадын шог зураг”, “Хятадын залуучууд” зэрэг бүx Xятадын төвийн болон орон нутгийн том xэвлэлүүд тогтмол нийтэлдэг гэсэн.

Бид бас нэг алдарт зураачтай уулзсан. Орон нутгийн засаг заxиргаанаас өгсөн аxмадын соёлын төв дэx урландаа бүтээлээ туурвин сууx Өмнөд Монголын тэргүүн дэсийн зураач Санаабаатар гуай зээр зурдгаараа хятад даяар алдартай нэгэн гэж “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан ах хэлж байсан. Өнө эртнээс нааш Цагаан xэрмээс xойш нутаглаx монголчуудын дунд xилийн дээс гэж байсангүй. Харин дэлxийн хоёрдугаар дайны дараа Ар болоод Өмнөд Монголын xооронд албан ёсны xилийн зааг тогтоогдож, орж болоxгүй xилийн зурвас гээч юм хоёр талд бий болоод удаагүй байсан үед залуу Санаабаатар сүргээсээ тасарсан xэсэг зээрийг xөөн, тэнгэрийн xаяатай залгасан xязгааргүй уудам талаар xуй салxи мэт исгэрэн давxиж явтал өнөөx xэсэг зээр орж болдоггүй xилийн зурвасыг xэнэг ч үгүй туулаад, “очиж үзэxсэн” гэж дандаа боддог байсан тэр орон руу нь xил даван давxин оджээ. Агнаxаар xөөж явсан “агуу xүмүүн” xарин xилийн цаана xашигдан үлджээ. “Тал нутгийн xил xязгааргүй дураараа давxиx жинxэнэ эрx чөлөө бол зэрлэг энэ амьтдад л жинхэнээсээ заяагдсан байдаг юм байна” гэсэн бодол толгойд нь зурсxийн орж ирэхэд яагаад ч юм зээрэнд атаарxаx сэтгэл төржээ. “Тэдэнд xил гараx зөвшөөрөл шаардлагагүй. Тэд ар ч бай, өмнөд ч бай, аль ч Монгол руу өөрийн дураар орж гардаг жинxэнэ эрx чөлөөний эзэд юм байна. Харин xүмүүн бид xил xэмээx дээсээр өөрсдийгөө xашсан торон доторx эрx чөлөө нь хязгаарлагдсан “амьтад” юм байна” гэж тэрээр өөрийн эрxгүй бодсон гэнэ. Тэгж тал нутгийн эрx чөлөөний бэлгэдлийг зээрээр илэрxийлэx гайxалтай санаагаа олж авснаас хойш тэр бурхнаас заяасан авьяасаа улам баяжуулж зээр зурдаг мастер болжээ. 75 насныxаа гуравны xоёрыг зөвxөн зээр болон тал нутгийн малчин түмний амар амгалан боловч амаргүй амьдралын салxи шуурга шиг xэмнэлийг зургаар өгүүлэxэд зориулсан зураач Санаабаатарын бүтээл БНXАУ даяар жил бүр улсын сан xөмрөгт шалгаруулан авдаг уран зургийн цуглуулгад байнга шалгаран ордог гэсэн.

Зураачдыг таван дэсд xуваадгийн тэргүүн дэсд нь багтдаг тэрээр “Талын дуу xоолой” радиогийн заxирал Баясгаланд 20 минутын дотор “Ижил гурван зээр” xэмээx калиграф таталбар зурж бэлэглэв. Түүний туурвисан “Онгон Саарал” xэмээx бүтээлийг нь үзэж биширсэн нэгэн эрхэм “10 сая юаниар зарчих” гэж шалаxад нь Санаабаатар гуай зөвшөөрөөгүй юм билээ. Шилийн хотын ажил мэргэжлийн дээд сургууль, Зүүн үзэмчин хошууны хүүхдийн цэцэрлэг гээд үзсэн харсан маань өчнөөн боловч цаг болоод цаас хэмнэх үүднээс тэмдэглэлээ өндөрлөе дөө.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Монголын босоо аварга Цагаанзаан: ​Бүх улс даяар завсаргүй 13 түрүүлж “Зогсоо аварга” цолыг авсан

БНХАУ, Монгол Улсын сэтгүүлчдийн “Хөгжилд
хөтөлсөн-70 жил” хамтарсан сурвалжлах аяллын үеэр Шилийн хотноо Өмнөд Монголын
босоо аварга “том” хэмээх Цагаанзаантай уулзаж хөөрөлдлөө. Цагаанзаан аварга
бол Өмнөд Монгол орон төдийгүй Хятад улс даяар алдартай бөх аж. Түүнтэй уулзаж
байх үед хүмүүс “Цагаанзаан аваргатай сүүдэр татуулах гэсэн юм. Ар Монголын
сэтгүүлчид та бүхэн хэлээд өгөөч” гэж гуйж байсан юм
.


-Цагаанзаан аварга та аль нутгийн хүн билээ?

-Би Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Ээж нуураар нутагтай хүн.

-Та бөхөд хэдийнээс хорхойсох болов?

-Би багаасаа бөхөд их дуртай хүүхэд байсан. Аанд найзуудтайгаа хэзээний л зууралдаж наадаж явдаг байлаа. Соёлын хувьсгалаас хойш манай нутагт найр наадам сэргэж, дөрвөн жилд нэг удаа сум, хошууны найр хийдэг байв. Мал аж ахуй өссөн зэргээр амжилтаа зэрэглэж, хөдөлмөрийн баатруудаа дүгнэж найр наадам хийдэг байсан. Би арван зургаатайдаа Зүүн үзэмчин хошууныхаа наадамд анх барилдсан юм. Тэр үедээ сайн барилдаж байсан Саамын Ббумаа гэж ахмад хүнд ойчиж билээ. Өмнөд Монголд бөхийн анги байгуулах боллоо, тэр үед. Миний багш Эрдэмбаяр, бөхийн ангийн дарга Насанбөхөө, хоёр тамирчин элсүүлж явлаа. Хошуу наадам үзэж миний барилдахыг үзээд бөхийн ангидаа элсүүлж авсан. 1981 онд анх Шилийн гол аймагт очиж бөхийн тусгай боловсролын ангид орж барилдсан.

-Шилийн гол аймаг бөх, мориороо алдартай их монголжуу нутаг. Одоогийн Баярбаатар аварга гэхэд л Зүүн үзэмчин хошууны хүн байх аа?

-Манай хошуу бөх сайтай байдаг нь нутаг усны ид шид гэж боддог. Олон сайн бөх төрдөг болохоор хойч үед нөлөө гэдэг юм бас байна. Хүүхэд багачууд “Сайн бөх болно” гэж багаасаа их мөрөөдөж өсдөг. Би ч гэсэн багадаа Найдан, бага Ядам, Содном нарын хуучны сайн бөхчүүд шиг бөх болох юм сан гэж санааширдаг байлаа. Баруун үзэмчин хошууны миний багш Эрдэмбаяр, Гончиг гэж сайн барилдаж байсан бөхчүүдийн барилдахыг хараад үнэхээр ур мэх, бяр чадалд нь их биширнэ. Тэр үеэс “Бөх гэдэг хүн чинь ямар сайхан юм” гэж биеэ шаардаж ирсэн.

-Хошууны наадамд хэчнээн удаа түрүүлж байж зангиат бөхийн зиндаад хүрдэг бол?

-Манай Өмнөд Монголын бөхийн хувцас засал хоорондоо адилгүй. Манай бөхчүүдийн хувцас засал нь араатны хаан арсланг дүрсэлсэн гэдэг үлгэртэй. Арслангийн шинж дүрийг хувцас засалд тусгаж өгсөн гэж өвгөд хэлэлцдэг. Нас гүйцсэн арслан бол цээжиндээ их үс зогдортой байдаг нь манайхны зангиа засал шиг юм харагддаг. Эхлээд зангиа засалгүй барилддаг. Наадамд барилдаж, хүний нүдэнд харагдахаар хүчит сайн бөхийг хаяад ирвэл Засгийн ордноос албан ёсоор зангиа олгодог. Энэ нь танай бөхийн цол олгодогтой адил. Бас ахмад бөхөөс зангиа уламжилж олгодог зан заншил байдаг. Тиймээс зангиа олсон бөх бол ид шид нь бүрдэж жинхэнэ арслан болсон хүн юм даа. Хожим наадам олшрох хэрээр хошуу засаг, аймаг засаг, бөхийн нийгэмлэгээс зохион байгуулсан 128 бөх оролцсон барилдаанд гурван удаа тэргүүлсэн хүнд зангиа олгоно гэсэн тодорхой баримжаатай болсон. Эртний үед сайн бөхөө дархалдаг заншил бас байсан. Хуучин бөхчүүд харж байгаад сайн барилдаж байгаа ирээдүйтэй бөхөд зангиагаа өгдөг байж.

-Манай улсад үлдсэн монгол бөхийн заншлаар бол гурвын даваанд бөхийн цол дууддаг. Сая Зүүн үзэмчин хошуунд бэсрэг наадам үзэж байхад Өмнөд монгол бөхчүүд малгайгүй гардаг юм байна. Бас цол дуудахгүй байгаа нь анзаарагдаж байна лээ?

-Түүхийн бичиг сэлт үзэж байхад эхэндээ цол дууддаг байсан гэж тэмдэглэсэн байдаг. Арслан ч юм уу, тиймэрхүү цолтой, тэрийг нь дууддаг байж. Сүүлхэнд соёлын хувьсгалын үед цолыг байхгүй болгосон байгаа юм. Чөлөөт, жудо, хятад бөхөөр улсын аварга болсон хүнд аваргын цолыг үнэмлэх, медалийн хамт олгох болжээ. Манай жинхэнэ монгол бөхийн хувьд цол олгох явдал бүүр тасарсан. Би Шилийн гол аймгийн бөхийн нийгэмлэгийн дэд тэргүүний ажлыг 1987 оноос хийсэн. Сүүлийн үед Монгол Улсынхаа бөхчүүдтэйгээ сайн харилцаатай боллоо. Үүгээр дамжуулан монгол бөхийн цолыг мэдэж авч, цол, эрэмбийг сэргээх ёстой гэж бодох болсон. 2005 оноос Шилийн гол аймгийн салаа мөчир бүхнээр хуран чуулж, анхны цолны наадмыг хийсэн. Үндэс нэгтэй монгол ахан дүүсийнхээ бөхийн цолыг бид бас авч хэрэглэх учиртай. Бид нутаг нутгаараа ялгарч байвч дэлхийд соёл нэгтэй нэг монгол шүү. Цол хэрэглээд арав гаруй жил болж байна. Гэхдээ та нар маань Монгол Улс, аймаг, сум гээд явчихдаг. Мануусынх болохоор Өөртөө засах орон, Шилийн гол аймгийн аварга гэсэн цолыг Засгийн ордноос олгож эхэлсэн. Танай бөхчүүд ирээд ерөнхийдөө л Шилийн голын бөхчүүдтэй барилдаж байгаа. Цол эрэмбэний хувьд өмнөд монгол бөхчүүддээ улсын цол олгочихож болохгүй байна.

-Яагаад болохгүй гэж?

-Бид Хятад ард улсын дотроо орны хэмжээнд байна. Тэгэхээр улсын болон орны олон салаа мөчрөөр зөвшөөрүүлэхэд бичиг цаасны их ажил хөөцөлдлөгөө байх юм.

-Манай Монгол Улсад даяар дуурсагдах далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гэж улсын наадам, цагаан сарын барилдаанд маш олон түрүүлсэн хүн байдаг. Таныг Бат-Эрдэнэ аварга шиг Өмнөд Монголдоо маш олон түрүүлсэн хүн гэх юм. Хэдэн удаа түрүүлээд Босоо аварга гэдэг алдар хүндийн эзэн болов?

-Бат-Эрдэнэ аваргыгаа би сайн танина. Миний энэ босоо аварга гэдэг алдар бол Бүгд найрамдах Дундад ард улсын уралдаанаар дамжиж ирсэн. БНХАУ-ын хятад бөхийн тэмцээн жилд нэг удаа явагддаг. Би бүх улсын хэмжээний тэр уралдаанд залгаад арван гурван жил завсаргүй түрүүлжээ. Энэ бол жил өнжөөгүй амжилт. Дунд нь өнжөөд бас хоёр удаа түрүүлсэн. Нийтдээ арван таван удаа түрүүлсэн түүхтэй. Тэр хятад бөхийг таануус дэмий сайн мэдэхгүй байж магадгүй. Монгол Улсад тойргийн барилдаан болж аваргаа шалгаруулдаг даа. Тэрэнтэй төстэй. Гэхдээ хятад бөх цагтай барилдана. Эхэндээ арван таван минутаар барилддаг байсан. Эсрэг бөх нь газар гар тулахад нэг хувь оноо авна. Ачаа, үүрээ, ганзагалаа хийхэд хоёроос гурван оноо өгнө. Цагтаа багтаж хэн олон оноо авсан нь ялдаг байсан.

-Жин жингээрээ барилдах уу?

-Жин дэс хуваарилна. Бага дэснийх нь бага дэстэйгээ, их дэс нь их дэстэйгээ барилдана. Би бол хамгийн дээд дэсэнд барилдаж байсан. Хувей мужид болсон улсын тэмцээнд би нэг ч оноо алдаагүй, монгол бөхийнхөө мэхээр бүх бөхийг арав тэгээр хожсон. Би тэр барилдаанд хамгийн уртдаа нэг минут гучин секунд зарсан. Уг нь арван таван минут барилдах цагтай ш дээ. Тэр үед Дундад ард улсын залуучуудын сэтгүүл дээр “Зогсоо аварга” гэж цоллон мандуулж бичсэн. Тэр цол ирсэн түүх ийм. Тэрнээс хожим нутгийнхаа 512, 1024 бөх барилдсан наадамд барилдсан. Өмнөд Монгол орны хамгийн дээд цол бол “Есөн есийн наян нэг”-ийн шагнал байдаг. Мөнгөн буйлтай цагаан тэмээ тэргүүн бэлэгтэй наадамд хэд хэд түрүүлж байсан.

-Есөн есийн наян нэгийн шагнал чинь орчин үед 81 гар утас, 81 компьютер байдаг болсон гэв үү?

-Миний ес ес наян нэгийн шагнал авч байхад мөнгөн буйлтай тэмээгээр байлдаг байсан. Би 512 барилдаанд хамгийн уртдаа нэг минут гучин секунд зарсан. Уг нь арван таван минут барилдах цагтай ш дээ. Тэр үед Дундад ард улсын залуучуудын сэтгүүл дээр “Зогсоо аварга” гэж цоллон мандуулж бичсэн. Тэр цол ирсэн түүх ийм. Тэрнээс хожим нутгийнхаа 512, 1024 бөх барилдсан наадамд барилдсан. Өмнөд Монгол орны хамгийн дээд цол бол “Есөн есийн наян нэг”-ийн шагнал байдаг. Мөнгөн буйлтай цагаан тэмээ тэргүүн бэлэгтэй наадамд хэд хэд түрүүлж байсан.

-Таныг ид барилдаж байх үед “Дэдэд хэн орсон” гэж асуудаг байсан гэсэн. Та барилдлаа л бол түрүүлэх нь тодорхой учраас үзүүрлэсэн бөхийг нь асуудаг байж дээ?

-Тэгдэг байсаан. Би хориод жил барилдаж дээ.

-Таны шавь ямар бөхчүүд байна?

-Мануусыг багш барьсан гарын шавь нар байна аа. Багаас нь дагуулсан тусад гарсан шавь гэж бараг байхгүй ээ. Гэвч би 1987 оноос Шилийн гол аймгийн бөхийн анги буюу сүүлд нэрлэснээр тамирын сургуулийн дэд захирлын албыг олон жил хаасан. Сүүлдээ захирлын ажлыг арван жил хийсэн. Одоо ид барилдаж байгаа Баярбаатар, Бат, Цагаанзаан, Оюунбат, Ми.Соёл гэдэг юм уу эдгээр сайн бөхчүүд манай сургуулийг дамжиж суурь боловсролыг эзэмшсэн. Тэгвэл одоо Батсүх, Алтанбагана, Батжаргал нар бас байна. Батжаргал аваргыг хүргэн ах нь зургадугаар ангид байхад дагуулж ирж надад тушааж өгсөн. Би хэдийгээр захирал ч гэсэн эдэндээ барьц, мэхийг дандаа хэлж өгдөг байсан. Би тэднийг дасгалжуулж байгаа багш нараа хүүхдийг сайн болго гэж их шаарддаг. Миний дараа үеийнхэн ерөнхийдөө миний гараар орсон.

Цагаанзаан аварга “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Тана, Нандир нарын хамт. 2017.06.17

-Та ид барилдаж байх үедээ өндөр болоод жин хэдтэй байв?

-Би хамгийн ихдээ 120 кг-аас хэтрээгүй. Өндөр нэг метр 88 см. Сүүлд би ходоод өвдөөд засал хийлгэсэн. Түүнээс хойш хоолны дэглэм бариад жин их доошилсон.

-Ар Монголынхоо бөхчүүдтэй барилдаж байв уу?

-Хоёр улсын солилцоо хийгээд 1989 онд явж байхад наадам дээр Ар Монголынхоо бөхчүүдтэй таарч барилдаж байсан. Учиргүй урт ч барилдаагүй ээ. Аваргачуудтай нь таарч барилдаж байгаагүй ээ.

Монгол Улсын бөхчүүдээс та хэн хэнтэй дотно нөхөрлөв?

-Бат-Эрдэнэ аварга бид хоёр нэгэн үеийн бөх. Дотно сайхан найзууд. Аварга Д.Сумьяабазар, А.Сүхбат нартай Дэлхийн Монгол туургатны наадмаар сайхан танилцаж найзалсан. Мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюү Дагвадоржтой ч сайхан найзууд шүү, би. Мануус Улаан-Үдээр орж, Байгаль нуураа тойрч явах үед хамтдаа сайхан явж байсан. Манай Шилийн голоор ч тэд маань ирж байлаа. Хамгийн эртдээ Бээжинд болсон Азийн тэмцээнээр Бат-Эрдэнэ аварга мануус сайхан танилцаж байсан. Бат-Эрдэнэ аварга тэр тэмцээнээс хүрэл медаль авч байсан байх шүү.

Бөхийн өөр төрлөөр барилдаж байв уу?

-Өөр төрлөөр барилдаагүй.

-Та нэгэнтээ улсынхаа хамгийн алдартай есөн бөхийг нэг дор цувуулж хаяж байсан гэл үү?

-Шаньси муж бол улсын уралдаанд бөхчүүд нь сайн барилддаг газар. Бөхтэй нутаг. Шаньсид ээлжлэн барилддаг нэг барилдаан байдаг. Таван хүнийг давбал нэг хониор шагнадаг. Ерээд онд Зүүн үзэмчинд бөхийн ордон байгуулсны хошуу наадам болсон юм. Тэр ордонг байгуулаад, тэнд хятад бөхөөр би долууланг нь цувуулж хаясан. Зүүн үзэмчний соёл тамирын газрын дарга Мандалаа “Өмнөд Монгол бөх бол аварга цол байхгүй. Долоон хүнийг цувруулж хаясан хүндээ Монгол бөхийн аварга гэсэн цол өгнөө” гэсэн юм. Тэгээд хятад бөхөөр барилдлаа. Хятад бөхийн зодог бол самбо бөхийн зодогтой нэн адил. Хятад бөх бол хөл барьж болдог. Одоогийн дүрэм нь гурван минут барилддаг болсон. Тэр ордонд хятад бөхийн долоон аваргыг цувуулан хаяж монгол бөхийн аварга цол авсныг Мандалаа дарга үнэмлэхээр баталгаажуулсан. Харин монгол наадамдаа есөн бөхийг цувуулж хаяж байсан. Түрүүлсэн бөхөд морь өгнө өө гэсэн. Нэг үдэд эхэлсэн.

-Тэр есөн бөх бол тантай л бяр үзэх сайхан амьтад байсан байж таараа даа?

-Дандаа сайн бөхчүүд. Надтай нэгэн үед барилдаж байсан 1024-д хоёр удаа дэдэлсэн Шилийн хотын Баганаа маань тавыг хаяад зургаа дээр ойчиж байсан. Тэгж есийг цувуулж мориор шагнуулж байсан сайхан түүхтэй. Одоогоор хятад бөхөөр долоог, монгол бөхөөр есийг цувуулсан барилдаан байхгүй.

-Таны амжилтыг хэн ч эвдээгүй юм байна шүү дээ?

-Эвдээгүй. Би нэгийг нь хаяж байхад л дараагийнх нь шууд гүйгээд ирнэ. Нэг давчихаад гараа жаахан амрааж, амьсгаагаа дарах тийм зай огт байхгүй барилдана. Нэгийг нь хаяхад улам сайн нь ард нь хүлээж байгаа юм чинь. Тэр есөн бөхөд миний санаж байгаагаар улсын аварга И.Соёл, Гэрэлт, Адьяа, Мөнхбаатар, Бадамсүрэн, Үнэнбат, Жамбал нар байсан. Надад сайн, миний гарыг амраачихъя гэсэн бөхчүүд орж ирээд Мандалаа даргад хөөгдөөд гарч байсан. Би тэр түүхээ одоо ч ам бардам хэлдэг.

-Та олон сайхан мориор шагнуулж байж. Хурдан морь уях уу?

-Би малчин монгол түмний хүүгийн хувьд багаасаа моринд их дуртай. Хүүхэд байхдаа сорионы морь унаж байсан. Түүнээс хурдны морь унаж байгаагүй. Сүүлд алба ажил эрхэлж төв суурин бараадаад морь уях нөхцөл гарсангүй. Тэрнээс биш мориндоо их хайртай.

Categories
мэдээ цаг-үе

“Их Богд” дэвжээний наадмын сорилго барилдаанд цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, улсын харцага Д.Батболд үзүүрлэв

Баянхонгор аймгийн Их Богд дэвжээний “Наадмын сорилго-2017” барилдаан өнгөрөгч долдугаар сарын 1-ний бямба гаригийн 14 цагт “Боорчийн өргөө” жуулчны баазад болох тов сонсоод зорьж очлоо. “Боорчийн өргөө” амралтын газар бол Улаанбаатар хотоос зүүн аймгууд руу явдаг замд 60 орчим километрт төв замын хойно 200 метрт байдаг. Үндсэндээ Чингис хааны хөшөөт цогцолбороос цааш таван зуухан метр газарт гэсэн үг л дээ. Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ базаадаг байж байгаад энд хоёр дахь жилдээ гарах болсон. Дүнхийсэн арваад гэрт бөхчүүд байрлаж байна. Баруун талаас гуравдахь өргөөнд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага даш-Очирын Батболд тухалжээ. д.Батболд харцагыг бөхөд хайртай монгол түмэн андахгүй сайн мэднэ. “аврагч” спорт хороо, аврагч тусгай ангиар овоглодог тэрээр хэдхэн хоногийн өмнө хошууч цолтон болоод байгаа.

Аймгийн арслан Ц.Шийрэв багшийнхаа удирдлагаар 1997 оноос улсад барилдаж эхэлсэн түүхтэй. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн тэрээр шуудагдаж татах дархан мэхтэй нэгэн. д.Батболд 1999 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын баяр наадамд түрүүлэн сумын заан, 2000 онд Баянхонгор аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан, 2001 онд Баянхонгор аймгийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан, 2005 онд ардын хувьсгалын 84 жилийн ойн үндэсний их баяр наадамд улсын харцага Мөнгөнцоожоор тав даван улсын начин цол хүртэн, 2009 онд зургаа даван Монгол Улсын харцага цолтон болсон байдаг.

Харцагын гэрт хэдэн хүн байна. Мэнд амраа мэдэлцэн, хөөрөг зөрүүлэн танилцацгаав. Баянхонгор аймгийн, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Олонбаярын Мөнх-Эрдэнэ гэх ажил хэрэгч залуу, “PC mall” компанийн захирал Ганбат, “Сэлба сервис” компанийн захирал, Жинст сумын уугуул С.Сэрээтэр нар нутгийн бөхчүүдийнхээ наадмын сорилго барилдааныг үзэж сонирхохоор ирцгээсэн нь тэр аж. Харцага хүрэн өнгийн монгол гутлаа өмсөж, суран тоногоор ногтолж сууна.

Монголчууд гутлыг малгай, бүстэйгээ адил хэмээн ихэд дээдэлдэг. “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, тулах төрийн гутал эрдэнэ” гэж хүртэл сэцлэх нь бий. Харцагын гутал нэлээд элэгдэж эдэлгээндээ бүр торго шиг зөөлөрчээ. Бөх болсноос хойш өмсөж байгаа гуравдахь гутал нь гэнэ. “Би ер нь найман жил болоод гутлаа сольдог юм. Бүүр цол ч ахина гээч. Та их сайхан асуулт тавилаа. Энэ жил гутал маань наймдахь жилээ болж байгаа юм байна” гэж ихэд бэлгэшээж байна. “Их Богд” дэвжээний галын бэлтгэл эл амралтын газарт зургадугаар сарын 18-наас жигдэрч, дөчин найман бөх бэлтгэл сургуулилт хийж байгааг “Хасу жуулчин” компанийн “Боорчийн өргөө” жуулчны баазын захирал С.Дарамсүрэн намуухан хүүрнэнэ. Улсын цолонд ойрхон яригдаж байгаа аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү, Золбоо, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох нарын олон бөх бэлтгэлд гарчээ. Батболд харцага “Энэ жил миний хувьд бэртэл гэмтэл гайгүй байгаа. Сүүлийн хэдэн жил гэмтэлтэй учраас олигтой зодоглож чадаагүй. Ер нь бөхчүүд бэртэл гэмтэлгүй барилдахын тулд бие биеэ хайрлаж байх хэрэгтэй. Бөхийн холбооноос гарсан өмсгөлийн стандартыг сайтар хангаж шалгах ёстой. Элэг бүсний уяаг хатуу мяндсаар хийх биш сүлжсэн бүс байх учиртай. Тэгэхэд зарим бөхчүүд хүний гар ч орохын аргагүй хатуу мяндсаар элэг бүсний уяа хийдэг нь тоогүй” гэж ярьсан нь бодууштай л үг.

Харцагаас “Энэ жилийн наадамд хэн хэн өнгөлж барилдах бол” гэж асуутал “Улсын наадмын дээд даваануудад бараг шинэ бөхчүүд гарч барилдах байх. Арслан, гарьд, аварга цолтон төрөх байх” гэж байна. Зочдод үйлчлэх хоёр хүдэр залуу бол Баянбулаг сумын заан Азбаяр, харцага Батсүмбэр нар юм. Тэд ноднингийнхоосоо сайхан хувирчээ. Б.Эрдэнэхүү арслангийн хувьд Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Орхон аймгийн “Эрин гүрэн” компаниар овоглож явдаг бөх. Нэг метр 91 сантиметр өндөртэй Монголын том биетэй бөхчүүдийн нэг түүний биеийн жин 145 кг. Түүний аав аймгийн хурц арслан Болд улсын наадмын тавын даваанд Монгол Улсын аварга Одвоогийн Балжинням, улсын арслан Ганбат нарыг ид байх үед амлуулан өвдөг шороодож байсан, улсын наадамд гурван удаа дөрөв давсан бөх. Болд арслан нутгийнхаа бөхчүүдийн гал дээр бас хүрэлцэн иржээ. Наадам дөхөхөөр сэтгэл нь догдлоод эдэн дээрээ ирж мэх зааж өгдөг аман ажилтай болжээ. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Монгол Улсын далай даян даяар дуурсагдах дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох аваргатай овог, нэр амьдай бөх бол Баянхонгор аймгийн Заг сумын уугуул, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох. Жудо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүж байсан тэрээр 2007-2012 онд Япон улсын Нагояа хотын жудогийн сургуульд таван жил суралцаж байсан хүү.

Цэрэнтогтох арсланг Загийн гол, Хүрэн бэлчирээр нутагтай Залаа, Чандмань овооныхон “Улсын цол аваасай” гэж цай сүүнийхээ дээжийг өргөж л суугаа. Тэрээр нэг метр наян долоон сантиметр өндөр, 130 кг-тай. “Их Богд” дэвжээнд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотоос гурван залуу ирж бэлтгэлд гарч байгаа аж. Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний наадмын сорилго барилдаанд улсын харцага Даш-Очирын Батболд, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, аймгийн хурц арслан, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Золбоо, аймгийн арслан М.Отгонням, Д.Энхбат, Б.Бат-Орших, Б.Бат-Амгалан, Ч.Баасанбат, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан М.Батцэнгэл, Д.Бямбасүрэн, харцага А.Отгонбаатар, Жаргалант сумын уугуул аймгийн харцага Батбаатар нарын улс, аймаг, сумын цолтой 48 бөх зодоглосон. Цол чимгээ дуудуулсан бөхчүүдийн онгод хийморь бадарч үнэн хүчийг үзэн барилдах нь бахархмаар. Хүндэт зочдын асарт “Ийст даймонд дрийлэнг” компанийн захирал, “Их Богд” дэвжээний нарийн бичгийн дарга Ц.Олдохбаяр нутгийн айраг сөгнөн хууч хөөрч суусан. Тэрээр “Энэ Дүүрэнсаран гэдэг бөх чинь манай аймгийн алдарт арслан Төмөрийн хүү шүү дээ” гэх ч юм уу, “Энэ дэвжээнд Орхон аймгийн харцага Батзул бэлтгэл хийж байгаа” гэх мэтийн сонинг дуулгав. Мөнөөхөн гурван буриад бөхийн талаар ч мань эр л чихний үзүүрт сонсгосон хэрэг. Баянхонгор аймгийн удирдлагууд энэ жилээс бөхчүүддээ ихээхэн сэтгэл гаргаж тусалж дэмжиж байгаа юм байх. Тавдугаар сард болсон Монгол Улсын арслан Пагмын Аюушийн нэрэмжит барилдааныг Монгол бөхийн өргөөнд өргөн дэлгэр хийсэндээ “Их Богд” дэвжээнийхэн баяртай байгаа нь илт.

Наадмын сорилго барилдаан бэсрэг наадмын хүндэт зочноор Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд, “Мөнхийн үсэг” группийн ерөнхий захирал Батмөнхийн Батцэцэг, Зэвсэгт хүчний Жанжин штабын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Дашзэвэг нарын албаны хүмүүс хүрэлцэн ирсэн харагдана. Батцэцэг сайд гэхэд “Мөнхийн үсэг” группийнхээ бөх аймгийн хурц арслан Н.Золбоод хүндэтгэл үзүүлж байсан. Био энергийн эмчилгээ судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Дамдинсүрэн нутгийн бөхчүүддээ сайн сайхныг хүсэж, үнэ төлбөргүй шинжилгээ, эмчилгээ хийх гэрээ байгуулсанаа гардуулж байсан. Бөхийн барилдааны үеэр Монгол Улсын филармонийн дуучин Номин-Эрдэнэ “Уяхан замбуутивийн наран”, “Асрын өндөр” зэрэг уртын сайхан дуугаараа мялаасан бол бэсрэг наадмыг үзэж сонирхохооор Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн их туурвилч Чойгивын Сангидоржийн хүү хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх АНУ-аас, Япон улсаас их аварга Ама Бямбадоржтой хамтран үзэсгэлэнгээ гаргаж байсан зураач Заяасайхан, “Улстөрч.мн” сайтын ерөнхий захирал, “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч Борын Ганзориг нар хүрэлцэн ирсэн байлаа. Дөчин найман бөхөөс Заг сумын харьяат цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох түрүүлж, Баянбулаг сумын харьяат улсын харцага Д.Батболд үзүүрлэж их шөвгийн гуравт Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү шалгарлаа. Дунд шөвөгт аймгийн хурц арслан Н.Золбоо, аймгийн харцага А.Отгонбаатар, аймгийн нэмэх начин Г.Жамбалдорж нар үлдэж хүчийг үзлээ. Сорилго барилдааны дараа бөхчүүд ирсэн зочдодоо хүндэтгэл үзүүлэн оройн тоондоо жагсах үеэрээ “Баянхонгор миний нутаг”, “Халуун элгэн нутаг” “Хонгор нутгийн хүчтэн” зэрэг дуунуудыг нийтээр дуулцгаав. Монгол Улсын гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Догмидын Сосорбарамын шүлгэнд “Морин хуур” наадмын тэргүүн шагналт хөгжмийн зохиолч Түзэлийн Ганболд аялгуу зохиосон дуу Баянхонгорынхны сүлд дуу гэдэгтэй хэн ч маргашгүй билээ.

“Хөх Монголын амин тасархай

Хонгор нутгийн түмэн минь

Алт эрдэнэсээр элбэг баян

Амьдрал тэмцлээр дүүрэн хийморь

Ус агаар нь насан дэлгэрсэн

Уран байгалийн өнгө нь алагласан

Түмэн олноо ариусган ундаалсан

Түй, Байдраг, Шаргалжуут рашаан

Мөнх тэнгэрийн нарны цацраг доор

Хүмүүн заяаны сэтгэл нь цагаахан

Тал, хангай, говь газартаа

Тавилан төөргийн жам нь гэгээхэн

Байгаль дэлхийн үзэсгэлэнт өлгий

Баянхонгор миний нутаг аа” гэж хүнгэнэтэл дуулах хүдэр эрчүүдийн сүрлэг сайхан дуунд агаар тэнгэр ч баясан баярлав гэлтэй хурын цагаан үүлсээ урин, чийгийн үнэр ханхлахуй монгол түмний бахархал баярын дээд үндэсний их баяр наадамдаа Хонгор нутгийн “Их Богд” дэвжээнийхэн өнгөлөг сайхан барилдах нь ээ гэсэн бэлгэшээл төрж байв. Цонжин болдогийн товцогт толгойн тэндээс их эзэн Чингис хааны маань ч сүрлэг хөшөө оройн жаргах улаан нарнаа алтран туяарч эрийн тэнгэр бөхчүүдээ хурайлан гийгүүлэх шиг санагдвай.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Лигдэн хутагт хааны өлгий Цахар баруун хошуугаар

Түрүүч нь №142 (5709) дугаарт

“Асар аялгуу” төв

УЛСЫН ЧАНАРТАЙ ХУРДНЫ ЗАМЫН ХУРААМЖ НЬ ӨНДӨР АЖ

Эрээн хотоос зүүн өмнө зүг Сайхан талыг туулан Цахар баруун гарын хойд хошууг хурдны замаар зорилоо. Олон улсын зэрэглэлийн зам болохоор орон нутгийн болон ачааны машин техникүүд өөр замаар явж байх нь анзаарагдана. Хятадад зам ашиглалтын төлбөр өндөр учир дотоодын аялагч нийтийн тээврийн унаанд суугаад явах нь хамаагүй хямд тусдаг байна. Түүнээс биш манайхан шиг наадмаар Хөвсгөл рүү бүгд гарч шидээд хэдэн зуун километр замын түгжрээ үүсгэдэггүй аж. Хурдны зам дээр нэг л гараад авсан бол замдаа түр зогсох, замаас хазайж гарах шаардлага огт үгүй. Говь цөл шахуу газрыг хэдэн зуун бээрээр торлож, бүхэл бүтэн ой моддыг тарьсан нь нүд баясгана. Моддын оройгоос цааш нүд сунган харахад нүцгэн уулс л ар араасаа харагдана. Зуугаад километр явж байтал улаан шороогоор цонх шавхуурдсан хүчтэй угалз таарч гэгээн цагаан өдөр атал харанхуй шөнийн байдалд оров. Машинууд манангийн шар гэрлээ асаан хорь хүрэхтэй үгүйтэй километрийн хурдтай урагшилна. Удалгүй аадар бороо асгалж аяны харгуйг хураар мялаав.

АЯНЫ ЗАМД АВЬЯАСААРАА ТАНИЛЦАЦГААВ

“Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан ах маань автобусны урд талын суудлаас ар, өмнөд Монголын бишүүрхэн явсан сэтгүүлчдийг нэг нэгээр нь “тайзнаа” дуудан гаргаж дуу цацруулагчаар өөрийгөө танилцуулан авьяасаа үзүүлэх бяцхан даалгавар өгсөн нь чухам нүдээ олсон хэрэг байлаа. Бээжингийн Олон улсын радиогийн сэтгүүлч Пүрэвжав гэхэд Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Ховог сайрын уугуул, нэртэй Жангарч залуу байсан. “Талын дуу хоолой”-н сэтгүүлч Нандирын нэрийг сонсоод “Танай Өмнөд Монголын зохиолчдын “Нандир, Сүмбэр хоёр” гэдэг нимгэн ногоон хавтастай номыг багадаа уншиж байсан. Одоо ч номын санд минь бий” гэвэл “Миний аав тэр номыг уншаад надад Нандир, ахад Сүмбэр нэр хайрласан байдаг. Хэн гэдэг зохиолчийн уран бүтээл юм бол” гэж иэхэд олзуурхав. ӨМОЗО бол БНХАУ-ыг тунхаглахаас хоёр жилийн өмнө тусгаар тогтносон бөгөөд тэр түүврийг тус орны арван жилийн ойд зориулан кириллээр хэвлэхдээ алдарт найрагч На.Сайнцогтын найраглалаар нэрлэсэн байдаг юм. Тэгэхээр тэр ном миний гарт ирснээр гучаад жил болсон гэж үзвэл даруй жаран настай ном ажээ.

Өмнөд монголчууд маань их авьяаслаг хүмүүс юм. Амжилт гэдэг найрагч хүүг дуучин Тэнгэрийн “Би Монгол хүн” болоод бусад дууг нь чухамдаа хуулчихсан юм шиг адилхан дуулахад сормуусанд нулимс чийгтэхгүй байхын аргагүй. Баясаа захирал бол манай нэрт найрагчдын шүлэг найраглалуудыг бараглан цээжээр урсгана. Тэд маань монгол хэлээрээ төгс сайхан ярих нь чихний чимэг. Гэхдээ хүн бүхэн шахам “Тэгвэл мөн чиг” гэсэн сул үг хэрэглэх нь манайхны дунд яригддаг “Одоо болбол”, “Тэр утгаараа” гэдэг үгсийн ихэрлэл бололтой. Хурдны зам нь “Вагоны ширээн дээрх аягатай цай цалгидаг уу” гэдгийн хариулт мэт зүдэргээн түүртээнгүй. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс БНХАУ орон нутгийн хурдны замаар явах автобусны хурдыг 90 км/цагаар хязгаарладаг байна. Хоёр Монголын сэтгүүлчдийн холимог багийнхан Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны төв Баянцагаанд хоёр зуу гаруй км туулаад үдэш очсон юм.

ХААНЫ ЗООГЛОЖ БАЙСАН ИДЭЭ ШҮҮС

Улаанбаатараас гарахад л “Цагаан хэрмээс наахнуур цахар, барга ахан дүүс минь

Цайдам тал гэдэг чинь ийм л уудам алс байх юм аа” гэсэн “бадарчин” яруу найрагч Цэвэгжавын Батбаатарын шүлэг аманд өөрийн эрхгүй орж ирээд байсан нь энд ирэхийн совин байжээ. Цахар сайхан нутаг бол Чингис хааны алтан ургийн гучин тавдахь их хаан Лигдэн хутагтын өлгий гэхэд хилсдэхгүй. Тухайн үеийн газрын зургаар баримжаалбал цахар нутаг Монголын их өндөрлөгийн төв голдоч байсан байж таарна. Цахарын Лигдэн хутагт хааны талаар бид “Цогт тайж” киноны дэлгэцнээс хижиг өвчнөөр тэнгэрт халихдаа төрийн их хасбуу тамгаа нууж буйгаар бага сага гадарлах байх. Тэгвэл энэ нутгийнхан Лигдэн хааныг яг л өнөө цагт аж төрж байсан хүн мэтээр их л халуун дотноор дурсах нь биширмээр. “Хааны минь зооглож байсан шүүс” гээд бүтэн хонины зум ялз чаначихаж. “Хаанд зориулсан тусгай жорын цай” гээд өрөм хөвүүлсэн өтгөн шаргал цай аягалж байна. Аливаа үндэстэн угсаатны түүх гэдэг идээ, умдаандаа хүртэл соёл болон үлддэг ажээ.


“Асар аялгуу” чуулгын хөгжимчид, бүжигчид

“АСАР АЯЛГУУ”-Г АНИРДАХУЙ

Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр дарга биднийг хүлээн авч хууч хөөрөхдөө “Би чинь Шанду нийслэлээ босогчдод алдсан Юань гүрний азгүй хаан шүү дээ” гэж гашуухан хошигнож суусан. Маргааш өглөө нь “Асар аялгуу” хэмээх эртний хаадын ордны хөгжмийн чуулгын тоглолтыг үзэхээр очтол мань эр харин хөгжим тоглоод сууж байдаг байгаа. Тэрээр “Асар аялгуу” нь найр наадамд дуулагддаггүй, ихэмсэг аялгуу. Эрт дээр үеэс ордны буюу төрийн аялгуунд дуулагддаг байж. Манай ахмад багш нар 30 гаруй аялгууг судалж, найруулсан” гэж байсан. Өмнөд монголчуудын маань нэг сайхан тахимдуу чанар нь ямар ч хүнийг “багш” гэж авгайлан хүндэлдэг ёс. Биднийг албан ёсоор танилцуулахдаа “Монгол Улсаас ирсэн сэтгүүлч-багш тэр” гэх жишээний.

“Асар аялгуу”-г Юань гүрний үед зөвхөн хааны ордонд л тоглодог байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь Монгол төрийн хүндэтгэл магтаалын дуу хөгжим байж. Монголын тулгар төр задарсанаар “Асар аялгуу” ая дангаа алдаж, Монгол орны газар бүр харилцан адилгүй хэлбэрээр уламжлагдан үлдсэн аж. Хааны торгон хишигтэн цахарчууд “Асар аялгуу”-ны нэгэн төрөл болох “Адуучин асар”-ыг үе дамжуулан өвлөж “найрын дууны тэргүүн аялгуу” хэмээн хүндэтгэн дээдэлж иржээ. “Асар аялгуу”-г монголчуудын уламжлалт утсан хөгжим, ардын үлээвэр, цохивор хөгжим зэрэг хөгжмийн зэмсгүүдээр хавсран хөгжимддөг аж. Өмнөд Монголд өнгөрсөн зууны 60-аад оноос радиогоор нэвтрүүлж эхэлсэн ч эдүгээ эл аялгууны талаар ойлголттой хүн тун цөөхөн болсон гэж байна. Тиймээс Өвөр Монголын Улаанцав хотын Цахар баруун гарын хойд хошууны захиргаа болон холбогдох албаны хүмүүс “Асар аялгуу”-г сэргээн хөгжүүлэх олон арга хэмжээ авч байгаа аж. Тухайлбал, “Асар аялгуу”-ны ном бүтээл хэвлүүлж, “Асар” урлагийн бүлгэм байгуулж, энэ соёлын өвийг олонд сурталчлан таниулахын тулд урлаг соёлын янз бүрийн арга хэмжээний үеэр аялгууг тоглож байна. ӨМӨЗО-ы Соёлын танхим, Түүхийн дурсгалт зүйлсийн товчооны санаачилгаар үндэсний соёлын өвөө сэргээхээр Цахар соёлын музейг мөн байгуулжээ.

“ЦАХАР” УЛААН ТӨМС АЛДАРТАЙ

Цахар баруун гарын хойд хошуу нь Далан хар уулын хойд хормой, Улаанцав хотын зүүн хойд хэсэгт оршдог. Энэ бүс нутагт өдөртөө их халж, шөнө нь сэрүүхэн хонодог учир төмс тариалахад тун тохиромжтой аж. Хошуу 220 мянган хүн амтай бөгөөд нийт хүн амын 70 хувь нь газар тариалан эрхэлнэ. Тус хошуу нь Өвөр Монголын төмс үйлдвэрлэлийн гол хошуу агаад төмсний тариалангийн талбайн хэмжээ 23 мянга гаруй га-д хүрсэн гэж байна. “Цахар” улаан төмс нь энэ нутгийн нэрийн бүтээгдэхүүн аж. Энэ төмс цардуул ихтэй, болц хурдан гэдгээрээ онцлогтой. Улаан төмсөөр гурил, пүнтүүз зэргийг хийж байна. Улаан төмс нэг кг нь 1000 орчим төгрөгийн үнэтэй бол үрийн төмс нь 3000 орчим төгрөг аж. Сүүлийн жилүүдэд Монгол, Орос, Өмнөд Солонгос, Япон, Малайз зэрэг улс руу улаан төмс экспортолдог болжээ. Манайхан ч бас эднээс санаа авч Жаргалантын шар, Борнуурын нуугисан сайхан монгол төмсөө гадаадад чанарын өндөр түвшинд савлан гаргахад болохгүй гэх газаргүй мэт.

Улаанцав хотын АИХ-ын орлогч дарга Тогоонтөмөр “улаан” урлагчин хүн ажээ

ХУР ДАГУУЛЖ ХУБИЛАЙ ХААНЫХАА ДЭЭД НИЙСЛЭЛИЙГ ЗОРИВ

Лигдэн хутагт хааныхаа цахар нутагт нэгэнтээ хоноглоод Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууг зориход нартай бороо шивэрч, өвөг дээдсийн минь тэргүүнээ цэлийн цэнхэртэж асан мөнх хөх тэнгэрт хос солонго татан цаанаа л сайхан угтлаа. Найрагч Мөнхтөр ахын маань сэтгэл ихэд догдолж суудал зэрэгцэж явсан надад ийн уншина.

“Тэнгэрийн гүн цэнхэрлигт би дуртай

Тэнд л дээдэс минь байгаа гэж итгэдэг

Тэртээд хүлгэлзэн нүүх үүлэнд би дуртай

Тэр үүлсээс өвгөд минь хур болж ирдэг

Бороо цайран цайрахад би хачин дуртай

Борлог үүлсээр дээдэс рашаан илгээдэг

Харсан тэнгэртэйдээ монгол босоо заяатай явдаг

Хаан дээдсийн сургаал тэнд мөнх оршдог”

Цахар нутгийн тэнгэрт хослон нумарсан тэнгэрийн ариун нумыг харахуй сэтгэлд мөнөөхөн Лигдэн хаан болоод дээд ихэс хаадын их түүх нэгэн их асар аялгуу болон зүрхний чавхдас донхийлгэн эгшиглэх сонсогдоно. Чингэхүй “Хувь заяа минь гагц ариун тэнгэрийн эрхшээл. Цэв цэнхэрхэн бороо нь миний л эгч дүүс ээ” гэж Өмнөд Монголынхоо уудам талд хамтдаа яваа аяны нөхдөдөө уншлаа. Шулуун хөх хошууны нутагт орших Хубилай хааныхаа байгуулсан Их Юань улсын дээд нийслэл Шанду хотын тууринаа очно гэхээс нойргүй хономоор санагдана.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Алдарт морин хуурч Чибулаг: Хүний нас гэдэг зуны нэг ялаа, тиймээс үндэстнийхээ өмнө хүлээх хариуцлага их

Дэлхийн хэмжээнд яригдах оюунт цөөхөн Монголын нэг, БНХАУ-ын нэгдүгээр дэсийн хуурч, манайхаар бол ардын жүжигчин, төрийн шагналт Чибулагтай Шилийн хот дахь “Чибулаг” морин хуурын сургууль дээр нь зорин очиж уулзлаа. Чибулаг гуайн өрөөнд Отгонтэнгэр хайрханы сүүдэр залаастай. Тэгэхнээ, мань эр Завхан аймгийн чиглэлийн сартуул хүн гэнэ шүү. Үүнийгээ бол харин ч нэг нуухгүйгээр үл барам “Ар, өвөр, халимаг, буриад гэх биш бид дэлхийн нэг л монгол” гэж омог бардам хэлж байна. Өөртөө итгэлтэй, хувилгаан шидтэй ийм монгол олон байвал ч дэлхий дээр бид мөн ч агуу үндэстэн хэвээр байсаар байх сан.


-Монгол Улсаас Өмнөд Монголын 70 жилийн ойд зорин ирэхдээ тантай уулзъя гэж их бодлоо. Та сайхан зусч байна уу?

-Сайхан зусч байна аа. Сайн явж ирэв үү. Би дэлхийд олон олон Монгол байна гэж боддоггүй, ганцхан Монгол, ганцхан Чингис хаан байдаг гэж бодож чармайж ирсэн. Би яруу найрагч Лхагвасүрэнгийн нэвтрүүлэгт орохдоо ч “Дэлхийд миний ээж, аав бол ганцхан миний Монгол, дэлхийд ганцхан миний Улаанбаатар, дэлхийд ганцхан миний морин хуур” гэж хэлсэн. Тэрийг та нар сонссон байлгүй. Дуучин Лхагвасүрэнд хүртэл тэр утгаараа “Морин хуур” гэж дуу хийж дуулуулсан. Та Лхагвасүрэнг манай алдарт дуучин Лхасүрэнтэй андуурч асуух шиг боллоо. Лхасүрэн одоо бие нь муу болжээ. Өвөр Монголд Мао Зе Дунгийн үеэс үхээгүй дөрвөн урлагтан байна аа.

-За, хэн хэн байна?

-Дэдмаа гэж байна аа, тэр маань хагас бие нь өвчинтэй. Лхасүрэн маань сээрэн өвчинтэй. Жинхуа багш ходоодны өвчинтэй. Чибулаг гэж нэг хүн дэлхийг тойрох өвчинтэй. (инээлдэв) Манай Өвөр Монголын дарга нар “Бид нүүдэлчин амьдралаа гээжээ. Ганцхан Чибулаг л нисгэл (онгоц)-д суугаад дэлхийгээр нисэж байна аа” гэж ярьж байна.

-Дэлхийг өдөртөө шахуу тойрдог танд ямар зүйлийн ачаа тээш байх вэ?

-Надад нэг морин хуур байхад л хангалттай. Дэлхийн хүн ардад морин хуураар Монгол гэдэг өнгө, гэрлийн гялбааг үзүүлье гэж явсаан. Энэ жил жар дахь жилдээ явж байна.

-Та хэдэн наснаасаа морин хууртай нөхөрлөв?

-Би зургаан наснаасаа хуурдаад энэ жил далан дөрвөн нас зооглож байна аа. Хүмүүс надаас “Та яагаад өтөлдөггүй юм бэ” гэж их асуудаг. Би тэдэнд “Дайсныхаа өмнө үхэж болохгүй, үхсний хойно ч сүнсээ худалдахгүй” гэж хэлдэг юм. Ямар учраас тэгж байна гэхээр би гэдэг хүн морин хуур хуурдана гэж үйлийн үрээ өмчилж авсаан. Би Хятад ард улсын арван жилийн их самралтаар гянданд суулаа, хар ажил хийлээ. Хүний муу үхдэггүйн үлгэрээр одоо болтол үхсэнгүй. Одоо болтол амьд сэрүүн явсан минь бас ч амаргүй гэж би боддог юм.

-Ээжийгээ улаан хувьсгалчдад амьдаар нь шатаалгаж, шорон гянданд хоригдсон атлаа үхэж чадаагүйн шалтгаан юунд байна?

-Хүн гэдэг чинь үндэстний омогшлынхоо туг нь байх учиртай. Өөрийнхөө үндэстний омогшил нь байж чадахгүй бол энэ дэлхийд хорхой шавьжийг ч дийлэхгүй өчүүхэн амьтан шүү дээ. Тэгж амьдраад хэрэггүй. “Зоос олно оо, зоос олно оо” гэж хөөрцгөөх болж. Зоос гэдэг юм хүнд тэгтлээ хэрэггүй ээ. Би бол зоос олно гэж ердөө боддоггүй. Зоос олно гэж бодсон бол энэ морин хуурын сургуулиа байгуулахгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Засгийн газраас байгуулсан энэ сургуульд маань олон улсын сурагчид зоос мөнгөгүй сурч байна. Монгол Улсын арван таван сурагч энд сурч байна.

-Мөнгө олохгүй юм бол та юунд энэ сургуулиа байгуулав?

-Манай өвөг дээдэс Чингис хаан энэ дэлхийг эзлэхдээ монголчуудыг олон газар тарааж. Монгол гэж хаа хаана тарсан ямар хэлтэй, ямар зан заншилтай хүмүүс байдгийг бид бүрэн гүйцэд мэдэхгүй. Тиймээс би олон улс оронд байгаа монголчуудын хүүхдүүдийг энд авчирч, морин хуураар дамжуулан морин хуурын эгшигт бүх дэлхийн монголчууд сэтгэл нэгдэж өвөг дээдсийнхээ алдар гавьяаг улам сайхан уламжлаасай гэж бодсоных юм. Газар газрын монгол хүүхдүүд энд ирснээр бие биеэ танихгүй байна гэж юу байхав. Халимагт байгаа, Японд байгаа, Тайваньд байгаа, Буриадад байгаа, Улаанбаатарт байгаа монголчууд харилцан бие биеэ таньж мэднэ. Хүний нэг нас гэдэг чинь зуны нэг ялаа. Ямар учраас ингэж хэлж байна гэхээр “Үхэш үгүй хүн хүн гэж үгүй. Үнэр орохгүй мах гэж байдаггүй”. Тиймээс хүн гэдэг үхэхээ мэдэж байгаа бол үндэстнийхээ төлөө зүтгэх хэрэгтэй. Хэрвээ зүгээр л үхэх хорвоо гэж бодож байвал тэр хамгийн тэнэг, соёлгүй зүйл.

-Чибулаг ах та зүгээр ч нэг хуурч биш, том философич хүн байна шүү?

-Ертөнцөд манай өвөг дээдэс Чингис хаан агуу их түүхийг бүтээж. Тэгвэл бид юу юм. Бид чинь бас хүн. Хүн гэдэг чинь махаар бүтсэн амьтан. Тэр эртээ оройгүй үхдэг юм. Тэгэхээр үхэхээсээ өмнө үндэстэн угсаатнаа гэрэлтүүлэх өнгө гэрэл нэмэх учиртай. Хүн болж төрсөн л бол заавал үүнийг биелүүлэх хэрэгтэй. Тиймээс би морин хуураараа дэлхийд “Үхэшгүй бие, үнэр оршгүй мах”-ыг орлуулан амьд л байвал хүмүүн төрөлхтөнд морин хуурын эгшгийг тархааж явъя гэж амьдарсан.

-Та морин хуурынхаа эгшгийг энэ онд гэхэд хаа хаана дэлгэрүүлэн сонсгов?

-Би өмнө хоёр сард дөчин өдөр дотор Хятад орны хорин таван хотод тоглож, өмнөд орны арван гурван мужийн нанхиад ахан дүүст морин хуурын увдис шидийг үзүүллээ. Манай морин хуурын аялгууг сонссон хүмүүс ямар үндэстэн, угсаатнаасаа үл хамааран нүднээсээ нулимс унаган, сэтгэл нь их хөдөлж байна. Ази тив бол монгол хүний хойч үе гэдгийг би бүрэн мэдэж байна. Нэг япон хүн надад “Нэг үндэстэн, нэг угсаатан аж амьдралаа бүгдийг өөрчилж болно” гэж хэлж байсан. Гэвч, үндэстний эс өөрчлөгддөггүй. Тэр эс гэдэг чинь хоёр түмэн жил болоод ч өөрчлөгддөггүй. Морин хуур гэдэг үндэстний эс болсон оюун санааны түлхүүр болж ард түмний сэтгэлийн оньсыг нээдэг гайхамшиг гэдгийг би мэдсэн.

-Мөн ч сайхан юм даа, ах минь. Морин хуур, та хоёр монгол соёлоо дэлхийд харин ч нэг гайхуулж байна шүү?

-Морин хуур бол манай өвөг дээдэс Чингис хаанаас үлдээж өгсөн орийн ганцхан эрдэнэ. Би морин хуурыг зүгээр нэг хуур гэж боддоггүй. Морин хуур бол дэлхий дээрх ганцхан толгойтой хөгжим. Толгойтой тулдаа таван цултай. Таван цултай учраас сүнстэй. Сүнстэй тулдаа сахиус оршсон хуур юм аа. Ерийн хуур биш ээ гэж би зүтгэсээр байгаад тайзан дээр жаран жил хөгжимдөж байна. Тайзан дээр гарахаас өмнө зургаан жил хөгжимджээ. Тиймээс ч би морин хуурынхаа эгшгэнд залуужиж 74 настай мөртлөө 47-той хүн шиг явж байна.

-Зургаан настайгаасаа хөгжимдсөн гэхээр морин хуур та хоёр тун чиг олон жил нөхөрлөжээ. Анх хэн танд хуурын аялгуу зааж өгөв?

-Хэн ч зааж өгсөнгүй. Би Өвөр Монголын Тунлогийн тэнд хорчин хошууны Морин сүмийн тавдугаар дүрийн хувилгаанаар тодорч байсан хүн. Тэр үед хувьсгал болж Морин сүмийн лам нарыг алж, би хөдөө гэртээ ирсэн. Ирсэн өдрөөсөө эхэлж хуур цуур суръя гэж ааваараа ганц нэг татлага заалгасан. Тэр дэмий болсонгүй хуурч болжээ. Бага сургууль төгссөний хойно Өвөр Монголын Дуурийн театрт шалгалт өгч хуурчаар орсон. Ингэж 1958 оны аравдугаар сарын 1-нээс Хөх хотод ирснээс хойш жаран жил болж байна. Харин энэ Шилэн хотод үүнээс ч өмнө ирсэн. Шилийн хот тэр үед мал бэлчсэн, чоно уулын оройгоор сүлжиж гүйсэн зэлүүд хөдөө газар байлаа. Чонын дуу шөнө бүр дэргэд гардаг, байгаль ертөнц тэр хэвээрээ байсан нутаг шүү. Би Шилийн хотод машинаар ирэхэд нэг сүм, хоршоо хоёр л байсан. Сүмд нь хоноход сарьсан багваахай манай хамт явсан хэдэн хүний хамар дээр сууж айлгаад, шөнө дунд нөгөөдүүл маань “Ээ, чөтгөр өө” гэж дуу алдан бөөн юм болж байлаа. Бид шөнө босч гар дэнгээ барьж явсан ч чөтгөр огт олсонгүй. Энэ газар ирсэн ч манай монгол соёл цөөхөн, харин Шаньси соёл нэлээд түгээмэл байлаа.

-Шаньси соёл гэдэг юу гэсэн үг билээ?

“Шаньси газраасаа ирээд

Шаашийгаа үүрээд гарч ирж байна” гэж дуу хүртэл байсан. Шаньси гэдэг чинь хятад гэсэн үг юм уу даа. Тэгтэл Шилэн Ажил мэргэжлийн сургуулийн тэргүүн дарга очиж намайг сонгон энд ирсэн. Тиймээс ч би Хөх хотод биш Шилийн гол аймгийн төв Шилэн хотод “Чи булаг” морин хуурын сургуулиа байгуулсан. Таван мянган түмэн зоосоор морин хуурын сургуулийн асар тагтыг байгуулаад зургаан жил боллоо.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Б.Чулуунцэцэг: Ээжийгээ хайрлана гэдэг санааг нь чилээхгүй байхыг хэлнэ

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэгтэй уулзаж ярилцлаа.

-“Ээж” хэмээх сайхан нэртэй эсээ тэмдэглэлийн номын баяраа саяхан хийсэн байсан. Ямаршуухан болов?

-Эзэн хүний хувьд сайхан боллоо л гэж хэлнэ. Ирсэн гийчид л харин ямархуу болсныг хэлэх байх. Нээлтийн урьд өдөр ирэх хүний тоо 300 хүрч байсан. Тийм учраас хүнээ хоёр хуваасан. Тэр өдөр миний орчлонд ирсэн өдөр тохиосон тул хамгийн ойр дотны бөгөөд үе тэнгийн ёстой үхэр, хонь жилтнүүдтэйгээ орой нь цугтаа тэмдэглэж, номын нээлтээ мялаахыг хүсч “Аз хур” их дэлгүүрт уриагүй. Номын нээлтийн хамгийн хүндтэй, том зочин Дорноговь аймгийн Мандах сумын Шавартын зуслангаас өртөөлөн давхиж ирсэн ээж минь байлаа. Баярыг хамтдаа хуваалцахаар “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийнхэн бүрэн бүрэлдхүүнээрээ ирлээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг эгч маань хүрэлцэн ирлээ. Язгуур урлагийн дэлхийн гурван удаагийн аварга “Домог” хамтлаг нээж, хуур татлаа. Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир тэргүүтэй үе, үеийн найрагчид байлаа. Монголын зохиолчдын эвлэл болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлага төлөөллүүд баяр хүргэж ирлээ. “ТВ-9” телевизэд нэгэн цагт хамт ажиллаж байсан хамт олон минь телевизийн нэвтрүүлэгчдийг урьж, номын хэсгүүдээс уншиж, ирсэн гийчдийн сонорыг мялаасан. “Монголын хутагт хувилгаад” баримтат кино төслийн багийнхан маань бүхий л цаг мөчид хамт байлаа. Дунд сургуулийн, их сургуулийн, төгсөлтийн, хамрагдаж ажиллаж амьдардаг клубын гээд олон нөхөд ирсэн дээ. Охин дүү минь ард талыг бүрэн хариуцаж, ирсэн гийчдэд сүү барьсан.

-Ээж гэдэг энгүй ачлалт хүний тухай сайхан яриа өрнүүлээч?

-Миний ээжийг Д.Баяртогоо гэдэг. Эгэл жирийн малчин монгол эмэгтэй. Ээж маань намайг тээж төрүүлэн, тэтгэж өсгөн өдий зэрэгтэй хүн болголоо. Энэ орчлонд ээж минь намайг ухаан саруул, итгэл дүүрэн, авьяас билэг харамгүй, царай зүс тэгш, бие хаа бүрэн бүтэн төрүүлсэн нь л хангалттай. Тэвэрч бүүвэйлэн уянгатай болгож, ангир уургаа шимүүлж уяхан зөөлхөн хүн болгож хүмүүжүүлсэн нь бүүр ч хангалттай. Би дутуу зүйлгүй, хайр дүүрэн өссөн. Болно оо, болно. Үүнээс илүүг ээжээсээ хүсч яах юм бэ. Тийм байхад би болж бүтэхгүйгээ хэлж, сэтгэлийг нь урж, нойрыг нь барж яах билээ. Ээжийгээ хайрлана гэдэг ээждээ багахан төвөг удахыг хэлнэ. Түүнээс алт мөнгөөр чимэх, хоргой дурдангаар бүрэх, амтат чихрээр дайлах биш юм. Санааг нь л амар амгалан байлга. Өөр их зүйл хэрэггүй дээ гэж боддог. Энэ тухай “Ээж” номонд минь бий.

-Номонд тань мэдээж ээжийн тухай бичсэн нь лавтай. Ээж чинь өөрийн чинь хувьд хэн бэ?

-Ээж бол миний хүн болох сурах бичиг байлаа. Харин одоо бол ээжийгээ багахан зовоосой, урт наслаасай гэж боддог болсон. Ээж ээ гэдэг маани тарни шиг үгийг олон жил хэлж байх юм шүү гэж боддог доо.

-Ээжээсээ төсөөлөн бодох чадварыг өвлөн авсан гэсэн. Онцгой дөрвөн үсгийг хүртэл ээжийнхээ адилтган ярьдагтай адил нүдэлж байсан гэл үү?

-Би түрүүн хэлсэн шүү дээ. Ээж бол миний хүн болох сурах бичиг байлаа гэж. Жаахан байхад надад ээжээс өөр сайхан зүйл байдаггүй байлаа. Ээж, аав хоёр хамгийн мундаг нь байв шүү дээ. Манай эцэг, эх хоёр хоёулаа их шооч, ёжтой улс л даа. Эцэг, эхийн тэр чанар надад нэлээн дөнгүүр байсан юм шиг байгаа юм. Үсгийг яалт ч үгүй л төсөөлөн цээжилдэг байв. Яахаараа ч сум нэгдлийн тракторын жолооч Буянхишиг гэдэг улаан хүнийг Щ, сумын төвийн өвсний фондын урт саарал агуулахыг Ф төсөөлдөг байсан юм, мэдэхгүй. Одоо эргээд бодохоор энэ чанар яалт ч үгүй ээжтэй л холбоотой. Ээж малд яваад ирэхдээ баахан өнгийн чулуу өвөртөлж ирнэ. Тэгээд тэднийгээ бидэнд тайлбарлана. Сайн хар, энэ тэрэнтэй адилхан байгаа биз гээд л. Ингэх бүрт миний сонирхол улам асдаг байж билээ. Тэгээд л ээжээсээ түрүүлж элдвийг олоод харчих санаатай, олоод хэлчих бодолтой болсон доо. Ингэж л төсөөлөн бодох ур сууж эхэлсэн юм уу даа.

-Хөдөө говийн охин ээжийнхээ ачийг хариулж чадаж байна уу?

-Ёстой үгүй. Ээжийн ачийг хариулна гэдэг дааж давшгүй мэт санагддаг. Харин ээжийнхээ санаа сэтгэлийн багахан шиг чилээхийг л ээжийгээ хүндэтгэн хайрлаж байгаагийн дээд гэж ойлгодог. Би ээжийгээ бас ч гэж баярлуулаад байдаг юм. Тэр болгонд сэтгэлийнх нь зовиур нимгэрдэг болов уу гэж бодож байна. Гэхдээ ээж маань дөрвөн хүүхдийнхээ араас “хүүе хайя” гэж чимээ тавин байдаг нь магад ч үгүй өөрт нь байдаг хамгийн том аз жаргал ч байж мэдэх юм. Би ирэх нэгэн цагт ээж болно. Тэр л үед өөрийн үр хүүхдүүдийг зөв зүйтэй хүмүүс болгон өсгөж чадваас ээжийн минь намайг төрүүлж өсгөсний хэрэг бүтэх биз ээ.

-Сая номын чинь баяраар ээж чинь хаа байсан хөдөөнөөс зорин ирлээ гэв үү?

-Тэгсээн. Давхиад ирсэн. Өөрийн 85 настай ижийгээ айлын хүнд гуйж даатгаад, охиноо зориод л ирлээ. Ээж бид хоёр тэр өдөр номоо нээснээс гадна би хүн болсныхоо баярыг, ээж маань ээж болсныхоо баярыг хамтдаа тэмдэглэсэн юм. Ээж бид хоёр эх үр болж, нэгэн жаргалтай гэр бүлийг бүтээснийхээ баярыг анх удаа хамтдаа тэмдэглэж үзлээ. Би багадаа төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй. Оюутан болсноосоо хойш л нарт хорвоод ирсэн өдрөөрөө найз нөхдийн хамт хөгжилдөн баясдаг болсон. Харин нөгөөдрийнх нь ургах нарнаар ээжийгээ хүргэж өгөхөөр би нутгаа зорин давхисан даа. Ээжийгээ хүргэж өгчихөөд, төрөлх нутаг Мандах сумынхаа тайзан дээр нэг цаг гучин минут шүлэг уншчихаад ирлээ. Би шинэ ном гаргах бүртээ нутагтаа очиж шүлэг уншдаг юм. Тэгээд л ёсоо гүйцээчихээд ирлээ.

-Ээжийн охин тэгээд одоо хэдэн ном хэвлүүлчихэв?

-“Ээж” миний дөрөв дэх ном. Анх 2004 онд “Нэрийн хуудас”, 2007 онд “Chuka”, 2010 онд “Амраг нандин” хайрын шүлгийн түүвэр хэвлүүлж байлаа. Мөн 2011 онд “Тунгалаг дарсны эгшиг” яруу найргийн цомог хийсэн юм байна.

-Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулахад ээж нь баяр хүргэв үү?

-Ээж надаас илүү баярласан байх. “Ээж ээ, би өнөөдөр “Алтан гадас” одонгоор шагнуулж байгаа гэнэ. Одоо Төрийн ордон руу орж байна” гэтэл ээж нэг их сонин дуугараад л дуугүй болчихсон. “Яав аа, ээж” гэтэл “Миний охин залуухан байна даа” гэсэн. “Та дургүй байна уу. Тэгвэл би очиж авахаа больчих уу” гэж асуутал “Юу ярьж байгаа юм бэ. Төрийн хишгийг тэгж болохгүй. Ээж нь баярлаад, тулгамдаад юм хэлж чадахгүй нь ээ” л гэсэн. Ээж маань уран гоё үг хэлье гэвэл хэлэх л эмэгтэй. Гэхдээ ээж намайг хэзээ ч магтаж үзээгүй юм шүү. Охиноороо гайхуулж, онгирч, даналзаж мэдэхгүй. Дотроо л хурайлж охиндоо ирэх сайн, муу бүгдээс хаацайлж хамгаалан байдаг эгэл монгол ээж.. Ээжид надаас том шагнал, надаас том аз жаргал, баяр баясгалан гэж байхгүй биз ээ.

-Эх үрсийн баяр болж өнгөрлөө. Хүүхэд ахуй насандаа энэ баярыг хэрхэн тэмдэглэж байв?

-Би тэмээчний охин. Сургууль тарангуут маргааш хүүхдийн баяр болох байсан ч хамаагүй гэр өөдөө зүтгэдэг хүүхэд байлаа. Энэхүү эрхэм нандин баярыг наймдугаар анги төгсдөг жилээ сумын цэцэрлэгийн хүүхдийн концерт үзэн тэмдэглэж байлаа. Тэгэхээр 15 настайдаа л анх хүүхдийн баяр тэмдэглэж байж дээ. Дараа нь оюутан болсон хойноо найз П.Энхмэндтэйгээ цуг хүүхдийн паркаар зугаалж баярлав. Хоёулаа “хөдөөний хөөсөн мантуу”. Хүүхдийн парк гэж мэдэхгүй. Хүний ярианаас л сонсч байсан өнөөх хорхой асам гоё газар руу хоёул жигтэйхэн гоёж аваад л явлаа. Зах замбараагүй тоос шороо, үүргийн худалдаа, дүүрэн хүн, хуушуур, пирожки юу юу ч байгаа юм бэ дээ, мэдэхгүй. Уг нь алсыг харагч дээр суучих санаатай. Даанч оочир дугаар нь тоо томшгүй. Сүүлдээ ч хоёулаа залхлаа. Модны сүүдэр дор гутлаа тайлчихаад л баахан суулаа. Тэгээд явах гэтэл манай найзын гутал алга болчихсон байв. Хоёулаа баахан эрэвч олсонгүй. Аль хэдийнэ “эзэн” нь ирээд аваад явчихгүй юу. Эрүү ам нь мултарчих шахам энд тэндхийн сонин сайханд нүд унагаж суусан хөдөөний хоёр охины анхаарлыг сатааруулах амар байсан биз. Ядаж тэрхүү ганган лакан ботинкийг урд өдөр нь “Нарантуул” захаас шилж сонгож байж авсныг хэлэх үү. Парк руу орохдоо тун чиг ад үзэж байсан өнөөх үүргийн худалдаанаас эрэгтэй хүний углааш авч өмсөн байрандаа ирж байлаа. Хүүхдийн баяр гэхээр ийм л зүйл санаанд бууж байна даа. (инээв).