Categories
мэдээ цаг-үе

Б.Өлзийбуян: Манай тэнхим үлээвэр, цохивор хөгжмийн арван ангитай

Төрийн шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит Монгол Улсын консерваторийн Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Батдэлгэрийн Өлзийбуянтай уулзаж ярилцлаа.


-Олон түмний нэрлэж заншсанаар Хөгжим, бүжгийн коллеж буюу Монгол Улсын консерваторийн наян жилийн ой энэ жил тохиож байна. Түүхт ойдоо зориулж ямар ажил бүтээлээр бэлэг барьж байна?

-Төрөлх сургуулийнхаа тэгш их ойд зориулж манай хамт олон бүтэн жилийн хугацаанд их зүйл хийж байгаа. Төгсөгчдийнхөө уран бүтээлийн гурван том тоглолтыг зохион байгууллаа. Рок попын оддын тоглолт, сонгодог урлагийнхны “Сонгодог үдэш”, Монголын урлаг, соёлын оддын “Эх ундарга” зэрэг гурван тоглолт тайзнаа тоглогдлоо. Энэ сарын 11-нд улаан хивсний ёслол, баярын хурал, хүндэтгэлийн гала концерт болно. Манай сургуулийн төгсөгчид гэвэл найман настай балчраас наян настай буурлууд хүртэл маш олон хүн бий. Наян жилийн ойдоо тэнхимүүд, багш нар, сурагч бүхэн өөр өөрсдийн уран бүтээлээр бэлэг барилаа. Манай тэнхимийн арван төрлийн хөгжмийн анги бүхэн, багш бүхэн тоглолт хийсэн. Нийтдээ хорь гаруй тоглолтыг толилууллаа. Тэнхимийн маань залуу багш нарын тоглолт их сайхан болсон. Үлээврийн оркестр маань тайлан тоглолтоо хийлээ. Цохивор хөгжмийн чуулга маань арван жил тасралтгүй тоглосон бүтээлүүдээсээ шилдгийг нь толилууллаа. Онол-практикийн бага хурал хийлээ.

-Танай сургууль хэдэн тэнхимтэй бол?

-Манай сургууль арваад тэнхимтэй. Мэргэжлийн төгөлдөр хуурын, Утсан хөгжмийн, Үлээвэр, цохивор хөгжмийн, Ардын хөгжмийн, Хөгжим ухааны, Дуулаачийн, Ерөнхий төгөлдөр хуурын, Концертмейстрийн, Бүжгийн, Цөөхүүл хөгжмийн, Циркийн, Ерөнхий эрдмийн гэсэн тэнхимүүдээс бүрддэг.

-Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхим гэхэд ямар ямар хөгжмийн зэмсгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх вэ?

-Тэнхим маань арван төрлийн хөгжмийн мэргэжилтэн бэлтгэдэг. Үүнд флейта, гобай, кларнет, фогот, саксафон, волторна, труба, тромбом, туба, цохивор хөгжмүүд багтдаг. Энэ арван хөгжим арван өөр төрх, арвуулаа нэгнээсээ ялгагдах чанартай. Тухайлбал, нэг хэсэг нь модон зэмсэг байхад зарим нь гуулин хөгжмүүд л дээ. Гуулин хөгжим гэхэд дотроо нарийн бүрээ, угалзан бүрээ, татах бүрээ гээд хөг нь өөр болоод явчихдаг. Модон хөгжим дотор лимбэ шиг дуугардаг флейта хөгжим ч байна, жижигхэн нарийн хулсаар хийсэн жимбүүр мэт дуугардаг габой байна. Арай том хулсаар тоглодог кларнет байна. Ийм олон хөгжмийн зэмсгүүдээс бүрдсэнээр бусад хөгжмийн тэнхимүүдээс ялгагддаг.

-Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхим гэхээр ардын хөгжмийн лимбэ, хуучир, шанз зэрэг зэмсгүүдийг л тоглуулж сургадаг юм байх гэж бодлоо. Тэгсэн эндүүрсэн бололтой?

-Европын үлээвэр, сонгодог хөгжмийн тэнхим л дээ.

-Энэ арван төрлийн хөгжмөөр алдраа дуурсгасан олон хөгжимчин байдаг биз?

-Манай тэнхимийн төгсөгчдөөс олон сайхан чадварлаг хөгжимчин алдартнууд төрсөн. Монгол Улсын гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч “том” хэмээх Жаргалсайхан фогот хөгжмийн мэргэжилтэн. Гавьяат жүжигчин Батчулуун бол волторна хөгжмөөр мэргэжиж Дуурь бүжгийн эрдмийн театрт дагнан ажилласан хүн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Үлгэр жишээ үлээвэр хөгжмийн ерөнхий удирдаач, хурандаа Ганбат байна. Гобай хөгжмөөр мэргэжиж манайхыг төгссөн. Гавьяат багш Зоригоо цохивор хөгжмийн мэргэжил эзэмшсэн. Шинжлэх ухааны доктор, хөгжим судлаач Эрдэнэчимэг бас гобай хөгжимчин. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Соёл-Эрдэнэ” чуулгын бөмбөрчин Цолмон байна. Ахмад багш Ариунболд саяхан сурган хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг хамгааллаа.

-Таны хувьд ямар хөгжмийн мэргэжил эзэмшиж хэд дэх жилдээ багшилж байна?

-Би Хөгжим бүжгийн коллежид 1994 онд элсэж, 2002 онд Зоригт багшийн удирдлагаар цохивор хөгжмийн ангийг төгссөн. СУИС-ийн цохивор хөгжмийн ангийг 2006 онд дүүргэж, 2008-2013 онд БНСУ-ын Солонгосын үндэсний урлагийн их сургуулийг цохивор хөгжмөөрөө дүүргэхдээ магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос сургуульдаа багшилж байна. Тэнхимийн эрхлэгчээр 2015 оноос ажиллаж байна.

-Танай сургуулийн сургалтын онцлог гэвэл?

-Манайх 6-9, 10-12 дугаар анги, I-IV курст бакалаврын зэрэг олгодог шаталсан сургалттай. ЭМШУИС бакалаврын зэргийг зургаан жилд олгодог бол манайх үндсэндээ арваад жил сургаж бакалаврын зэрэг олгодог л доо. Суурь боловсролыг олгож байж бакалаврт сургадаг гэсэн үг л дээ. Нэг ёсондоо бага, дунд, дээд шатны сургалтын тогтолцоотой юм.

-Хөгжим гэдэг хүний сэтгэлийг хөглөж хөдөлгөдөг гайхамшигтай зэмсэг. Хөгжимчин хүн тэгэхээр сэтгэлийн их хөглөгч байх нь тодорхой. Авьяасгүй хүн хөгжимчин болох уу?

-Хөгжим хүний дотоод сэтгэлээс гардаг гайхамшиг. Урлагийн төрлүүдээс дүрслэх урлаг гэхэд нүдээрээ харж таашаал авч байна. Яруу найраг гэдэг хэл яриа, жүжгийн урлагийг хүн чихээрээ сонсоод сайхныг мэдэрчихнэ. Бүжигт биеийнхээ үйл хөдөлгөөнөөр урлагийн гайхамшгийг хүнд ойлгуулчихна. Гэтэл нүдээр харж болдоггүй, биеэр илэрхийлэх боломжгүй, хүний сэтгэлд үгүйлэгдээд байдаг нууц увдисыг хөдөлгөж илэрхийлдэг зэмсэг бол яах аргагүй хөгжим юм. Заавал мэргэжлийн хүн л ганцхан хөгжмийг ойлгодог юм биш. Өнөөдөр хөгжим хүн бүхэнд ус, агаар шиг хэрэгцээтэй зүйл болж. Чайковскийг ганцхан сонсож мэдрэхдээ биш ямар ч сайхан дуу хөгжмийг сонсож амьдралын сайхныг төсөөлдөг ийм агуу ертөнц юм л даа. Тийм учраас хүний үгээр хэлж болдоггүй, нүдээр харж чаддаггүй зүйлийг л хүний сэтгэлд хөглөж өгдөг гайхамшиг нь хөгжмийн урлаг. Хөгжмийн урлагийг заавал хөгжмийн зэмсгийн тусламжтайгаар хүнд хүргэдэг.

-Монгол Улсын төрийн шагналт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа гуай дайны үед бүрээ татаж явсан байдаг. Бирваа гуай мэргэжлээрээ танай сургууль тэнхимтэй ямар нэгэн байдлаар холбогдох уу?

-Бирваа багш бол анхны нарийн бүрээчин мөн л дөө. Манай сургууль чинь Уран сайхны сургуулиас эхлээд Урлагийн сургууль, Хөгжим бүжгийн дунд сургууль, Хөгжим бүжгийн коллеж, Монгол Улсын консерватори гээд нэрийн хувьд олон солигдлоо. Энэ хүн хэдийгээр манай төгсөгч биш ч гэсэн амьдралын их сургуулиар нарийн бүрээ хөгжмийн дэгийг эзэмшсэн. Манай сургуулийн ахмад багш, профессор багш Дашцэрэн гэж хүн байна. Монголд нарийн бүрээний дэг сургалтыг үүсгэн байгуулсан нэлээд том төлөөлөгч гэж хэлж болно. Энэ хүн Болгар улсын Софи хотын хөгжмийн их сургуулийг төгсөж ирсэн, олон шавь төрүүлсэн алдартан. Дашцэрэн багшийн нарийн бүрээний багш хэн бэ гэхээр Бирваа багш ороод ирж байгаа юм. Тэгэхээр Бирваа гуай арга байхгүй манай тэнхимийн дурсах ёстой хүний нэг мөнөөс мөн. Үүнтэй уялдуулаад хэлэхэд одоо 93 нас сүүдэр зооглоод байгаа Урлагийн гавьяат зүтгэлтэн Дугарсүрэн гуай байж байна. Энэ хүн Хөгжмийн урлагийн сургуулийг драмын жүжигчний мэргэжлээр төгссөн. Кларнетийг төгс эзэмшсэн хүн. Урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэндорж манай сургуулийн уран сайхны удирдагчаар маш олон жил ажилласан, энэ сургуулийн Үлээвэр хөгжмийн ангийг 1961 онд байгуулсан мундаг хүн. Үндсэн мэргэжил нарийн бүрээчин.

-Таны өрөөнд төгөлдөр хуур, ширээн дээр чинь ноотны дэвтэр харагдаж байна. Та хөгжмийн зохиол бичдэг үү?

-Хөгжим тоглодог л болохоос одоогоор зохиогоод гаргачихсан бүтээл байхгүй. Гэхдээ ер нь аялгуу зохиох юм сан гэсэн тэмүүлэл байна аа. Магадгүй, хэзээ нэгэн цагт ямар нэгэн бүтээл хийхийг үгүйсгэхгүй.

-Хөгжмийнхөн болоод урлагийнхныг хагас цэргийн зохион байгуулалттай гэж ярьдаг. Тэсвэр тэвчээр их л шаарддаг эд юм аа даа?

-Хөгжим хүнээс асар их тэвчээр шаарддаг урлаг. Манай сургуулийн сурагчид өглөө ерөнхий эрдмийн хичээлдээ, өдөр мэргэжлийн хичээлдээ явдаг. Хөгжмийн зэмсгийг сайн эзэмшээд хүнд хүргэнэ гэдэг зүгээр нэг тоглоом биш л дээ.

-Танай сургуульд элсэх сурагчдад ямар болзлыг хангасан байх шаардлагатай бол?

-Манай сургуулийн 1-9-дүгээр анги хүртэл суралцахад төлбөргүй. Шалгалтаа ой тогтоолт, хөгжмийн сонсгол, бие эрхтний тохиромжийг анхаарч авдаг. Үлээвэр хөгжмийн ангид гэхэд чих нь өвддөг хүүхэд авч болохгүй. Уруул, шүдийг нь харна. Мэргэжлийн хөгжимчин болох хүүхдийг хөгжмийн авьяасыг харна. Авьяасыг илэрхийлдэг зүйл нь хөгжмийн сонсгол, хөгжмийн хэм хэмнэл, ой тогтоолт гурав. Цохивор хөгжмийн ангид гэхэд биеийн болон бугуйн уян хатан байдлыг харгалзаж үзнэ. Хөшүүн байвал нандин аялгууг тоглоход хэцүү еэ дээ.

-Үлээвэр хөгжим их тоглоход уушги мууддаг гээд байдаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-Үүн шиг туйлширсан худлаа үг байхгүй. Орчин цагт уушги муутай хүнийг харин ч үлээвэр хөгжим тогло гэдэг болсон. Ямар ч мэргэжлийг буруу эзэмшвэл эрсдэл гарна. Жолооч хүн гэхэд буруу суудлаар суух юм уу, жолоогоо буруу бариад сурчихвал гар хөл нь өвдөхөөс гадна осол аваар ч хийнэ биз. Утсан хөгжмийг гараа чавхдсан дээр зөв байрлуулалгүй буруу барьчихвал гар нь өвддөг. Тэр бол хөгжмийн зэмсгээс болж байгаа биш хөгжимтэй буруу харьцсанаас л үүдэж байгаа зүйл. Өөрөөр хэлбэл гараа угаахгүй бол шар өвчин тусахтай л адил зүйл юм.

-Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийнхнээ танилцуулаач!

-Анх 1961 онд 26 оюутан элсэж орсон түүхтэй. Одоо манай тэнхимд 100 гаруй оюутан суралцаж байна. Нийт 23 багштай. Бүгд шахуу магистраас дээш зэрэгтэй чадварлаг мэргэжилтнүүд. Герман, Солонгос улс, ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Алма-Ата, Новосибирьск, Баку, Бийск, Екатеринбург, Киев зэрэг хөгжмийн өндөр зэрэглэлийн сургуулийг дүүргэсэн гайхамшигтай мэргэжилтнүүд ажиллаж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Гурван давхар байшингийн дээвэр дээр сэрүү оргидог юм чинь гурван мянгаад метрт хүйтэн байхаас аргагүй

Зүүн гар талаас Б.Бадам-Очир, У.Нямдаваа, Г.Маналжав нар. 2017.10.25-ны өдөр. Завхан аймгийн Онцгой байдлын газарт. Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Отгонтэнгэр хайрханд эндсэн уулчдыг эрэн хайхаар хамгийн түрүүнд уулнаа авирсан Завхан аймгийн Онцгой байдлын газрын гурван аврагчтай Улиастай хотод ажлын нь газарт очиж уулзан ярилцлаа. Тэнгэрийн салхи л цасан хуйтай нөхөрлөж байдаг өндөрлөгт бусдыгаа түүчээлсэн тэд хэн хэн байв аа гэвэл химичин аврагч, уулчин, ахлагч Г.Маналжав, аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Б.Бадам-Очир, аврагч-гал сөнөөгч дэд ахлагч У.Нямдаваа нар байсан юм. Үг цөөтэй ч үйлс бүтээлээрээ хамт олноо түүчээлсэн эдгээр залуусыг мэргэжлийн уулчдаас дутуугүй ажилласан гэж магтах хүн нэлээд байсан юм.

-Ослын дуудлага аравдугаар сарын 22-ны 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирлээ гэсэн. Та нар хэдийд осолдогсдыг хайж эхлэв?

Г.М: -23-ны 04.05 цагт бидний найман хүн эрлийн нэгдүгээр хэсэг болон Отгонтэнгэр уул өөд өгссөн. Цаг алдахгүйн тулд хавцлын дээгүүр нэг хэсэг нь, доогуур нөгөө хэсэг нь өгссөн. Уулын спортын олон улсын хэмжээний мастер Батманлай бид хоёр дээд талын хэсэгт багтаж, бусад зургаа маань доогуур явсан. Өдөр 13 цагийн үед байх, нисдэг тэргээр ирсэн Аврах тусгай ангийнхан Отгонтэнгэр хайрханы зүүн талын 3100 метрт нурангины хажуу талд хээрийн кэмпээ байгууллаа гэсэн мэдээллийн дагуу бид бага багаар доошилсон. Тэгээд 14 цагийн үед нурангин дээр хүрч очсон.

-Та нар ямар багаж хэрэгсэлтэй авирсан бол?

Г.М: -Мэргэжлийн уулчны хэмжээнд тоноглох багаж хэрэгсэл манай аймгийн Онцгой байдлын газарт байдаггүй. Ноднин ОБЕГ-ын хэмжээнд баруун таван аймагт “Уулчин” гэдэг сургалт явагдаж, нэг аймагт нэг багаж хэрэгслийн хангалт өгсөн. Тэр хувцас хэрэгслийг ашиглан ноднин би Говь-Алтай, Ховд аймгийн нутагт орших Хөх сэрхийн нуруунд уулын спортын олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин Гүррагчаа нарын уулчидтай хамтран авирсан. Тэр сургалтад хамрагдсан учраас аймгийнхаа Онцгой байдлын газрын уулчин-аврагч гэсэн орон тоон дээр ажилладаг юм.

-Уулын иж бүрэн багаж гэхээр юу юунаас бүрдэх вэ?

Г.М: -Энгийн хоёр таяг байна. Мөсний таяг, шуудаг, аранз, аранзанд хөнжил, гудас багтана.


Авирагчид Отгонтэнгэр хайрханы оргилд гарсныхаа дараа эл зургийг авахуулжээ. 2017.10.21

-Отгонтэнгэр хайрханы 3700 метрийн өндрөөс нуранги болсон 3100 метр газарт 600 гаруй метр газрыг туулж бууж ирэхэд хэцүү байв уу?

Г.М: -Батманлай бид хоёр хосоороо нэг олсонд орж авирсан. Өгсөхдөө гайгүй байсан ч буухдаа илүү цаг зарцуулж байсан. Бариувч байхгүй, бэхэлгээ муутай, хадаас шруф байхгүй учраас маш хүндрэлтэй байлаа. Бид бартаа саад ихтэй хадан хавцалд уулчид эндсэн байх магадлал өндрийг анх 07 цагт өгсөн.

-Амьд үлдсэн арван иргэн маань хаана хоноглосон байх юм?

Г.М: -Уулчид Отгонтэнгэр хайрханы орой дээр гарчихаад ирсэн мөрөөрөө буулгүй “Жаахан алсаас цасаа дагаад буучихъя” гэсэн байдалтай уруудсан юм билээ. Тэгээд урд хоёр олсныхон нь эндчихэнгүүт үлдсэн арав нь байсан газраа хоноглоод буцаад мөрөөрөө буусан байна лээ.

-Тэд оргилоос доош хэдэн метрт хоноглосон байх юм?

Г.М: -Оргилоос доош 3500 орчим метрт хоноглосон гэсэн.

У.Н: -Тэндээсээ хуучин мөрөөрөө буусан юм билээ.

-Буугаад ирэхэд нуранги болсон 3200 метрт ямар үйл явдал өрнөж байх юм?

Г.М: -Эхний гурван шарилыг Аврах тусгай ангийнхан олсныг иридиум утсаар холбогдож мэдсэн. Биднийг бууж очсоор байтал зургаа долоон цогцсыг газар дээр нь гаргасан байсан. Тэгээд дээрээс хавцал руу хийсэхэд ямар ч хүн амьд гарах боломж тун бага юм байна гэдгийг дарга нарт мэдэгдсэн.

-Эхний арван цогцсыг гаргахад та нар хэдүүл ажилласан бол?

У.Н: -Эхний өдөр Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах хоёроос арван хүн ирсэн байсан. Хоёрдахь өдөр нэмж дөрвөн хүн ирсэн. Говь-Алтай, Ховдоос ирсэн уулчид, аврагчидтайгаа нийтдээ гуч орчим хүн ослын газар дээр ажилласан.

-Та бүхэн мэргэжлийн аврагч, уулчин, гал сөнөөгчид болохоор хэцүү нөхцөл байдалтай нүүр учирч л явсан байж таараа. Саяын уулчдын осол яг газар дээрээ ямаршуухан байв?

У.Н: -Өмнө нь хэцүү нөхцөл байдалтай өчнөөн таарч байсаан. Он гарсаар хил дээр хоёр цэрэг адуу усалж байсан цүнхээлдээ эндсэн ослын газарт очин биечлэн гаргаж л байсан. Хоёр гурван хоног ажилласан.

Г.М: -Бид чинь төрийнхөө өмнө тангараг өргөчихсөн болохоор иймэрхүү юм болсон газарт айж эмээгээд байлгүй очдог. Төрийн сүлд минь магнай дээр байдаг учраас ер нь сэжиглээд байхгүй шүү. Осолд өртөгсдийн биеийн байдал ерөнхийдөө өөрчлөгдсөн байсан. Хөл гар нь хугарсан ч юм уу, сонин байдалтай хөлдөцгөөсөн байлаа. Би өмнө нь Сант сумын Баян нуурт аялж байгаад эндсэн хүмүүсийн шарилыг гаргахад ажиллаж байсан гээд олон тохиол бий.

-Онцгой байдлын албанд хэд дэх жилдээ ажиллаж байна?

Г.М: -Дөрөв таван жил ажиллаж байна.

У.Н: -Гурваас дөрөв дэх жилдээ.

Б.Б: -Миний хувьд зургаан сар ажиллаж байгаа.

-Та нарыг уулнаас түгшүүр зарлаад буулгаад байсан. Хэрвээ тэгээгүй бол арван долоон хүнээ эхний өдөр олчих байсан, зарим нь амьд байх ч магадлалтай байлаа гээд шуугицгаасан?

Г.М: -Үндсэндээ 38-39 цаг орчим болчихсон, тэр өндөр хясаанаас шидэгдсэн учраас хүн амьд үлдэх ямар ч боломжгүй байсан.

Б.Б: -Түгшүүр зарлахын тухайд ууланд үе үе хуйрагнаад өвлөөс ч хүйтэн байсан. Гурван давхар байшингийн дээвэр дээр гарахад сэрүү оргиод хүйт даагаад байдаг юм чинь гурван мянгаад метрийн дээр хүйтэн байх нь аргагүй.

-Шарилуудыг 1.5-4 метрийн гүнээс гаргасан гээд байгаа. Тэр их цас уулын бэлд байсан юм уу, нурангинаас уруудаж буусан цас байв уу?

У.Н: -Манай аймагт энэ намар хоёр ч удаа цас орсон. Өндөрлөг газар учраас тэр хайлаагүй байсан байх магадлалтай.

Б.Б: -Дээрээс нь нурангийн цас орж ирсэн байх гэж би бодсон.

-Аврагч гэдэг амь дүйсэн мэргэжил. Та нарыг дуудлага аваад гарахад ар гэрийнхэн чинь санаа нь их зовнидог байх даа?

Г.М: -Би БХИС-ийг 2013 онд төгссөн. Гэргий маань аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилладаг. Бид гурван сайхан хүүхэдтэй. Ар гэрийнхэн маань ч бидний албаны онцлогийг ойлгодог болохоор тэгтлээ санаа нь зовних нь гайгүй. Хамгийн гол нь аль болох эрсдэлгүй, чадварлаг ажиллах нь чухал гэж хичээнэ дээ.

У.Н: -Би Аврах тусгай ангид шүхэрчнээр ажиллаж байсан юм. Шүхрийн спортын гуравдугаар зэрэгтэй. 2009 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж, Төв аймгийн Алтанбулагт Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид алба хаасан. Манай анги чинь химийн анги байсан. Манайх хоёр хүүхэдтэй. Бага маань хавар гурван сард төрсөн муухай амьтан бий. Би Сэлэнгэд хэдэн сар гал түймрийн дайчилгаанд явахад л ар гэрийнхэн маань их саначихсан байсан.

Б.Б: -Тосонцэнгэлийн сургуулийг 2008 онд төгсөн, МУИС-ийн Завхан дахь салбар их сургуулийг татвар, нягтлан бодогч мэргэжлээр төгссөн юм. Завхан аймагт ний нуугүй хэлэхэд ширээний ажил хомсхон л доо. Тиймээс аврагч-гал сөнөөгчөөр Онцгой байдлын газарт ажилд орсондоо баяртай байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Бригадын генерал Г.Ариунбуян: Осолдсон иргэдийн нүүр царай, биеийн байдлыг ажиглавал уулын хүчтэй цасан нурангид бөмбөрч цохигдон, хувцас нь тайлагдаж танигдахын аргагүй болсон байна

“Өдрийн сонин”ы 2017.10.27-ны баасан гаригийн №232(5799) дугаараас авч нийтлэв.

“Өдрийн сонин”-ы сурвалжлах баг арван долоон уулчин эндсэн Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр дэх Отгонтэнгэр ууланд албан томилолтоор очиж ажилласан. Манай сурвалжлагчид хэргийн газарт ажиллах үеэрээ 2017 оны аравдугаар сарын 25-ны 14 цагийн үед Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай уулзаж ярилцсан байна.


-Та Отгонтэнгэр ууланд авирч байгаад эндсэн хүмүүсийн шарилыг хайх эрлийг ахлан гурван хоног ажилласан хүний хувьд нөхцөл байдлын талаар яриач?

-Ууланд эндэгсдийг эрэн хайх ажиллагааны нөхцөл байдал маш хүнд байсан. Өндөр уулын бүсэд эгц цавчим хад асгатай, нуранги бүхий талбай нь маш их эрсдэл бүхий газарт ажилласан. Өөрөөр хэлбэл аялж явсан иргэд маань далайн төвшнөөс дээш дөрвөн мянга гаруй метрийн өндөр дээрээс осолдсон. Тэр өндрөөс 3200 метрийн уруу буюу 800 метрт унасан шинж тэмдэгтэй байлаа. Бидний ажиллагааны талбар 9000 метр квадрат талбай дээр эрлийн ажиллагааг зохион байгуулсан. Нэг үгээр хэлэхэд хөлбөмбөгийн арваад талбайн хэмжээтэй тийм өргөн уудам газарт эрлийг явуулсан. Гол хүндрэлтэй зүйл нь хавцлын цасны давхарга их зузаан байлаа. Зарим газраа нэг метр тавин сантиметр, зарим газраа гурваас дөрвөн метр хүртэл зузаан цасан нурангин дотроос осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

-Арван долоон хүний амь нас эрсэдсэн энэ том осол юунаас болж гарсан бол?

-Ер нь ууланд аялагчид маань өөрсдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болон дээрээс нь цагийн баримжаагаа зөв тооцоолоогүй, буух замаа буруу сонгосноос болж энэ осол гарсан байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.

-Уулын осолд өртөгсдийн амь насыг аврах боломж байсан болов уу?

-Тийм өндөр дээрээс унасан тохиолдолд ямар ч хүн амьд үлдэх боломжгүй байсан. Энэ удаагийн эрэн хайх ажиллагааг бүхий л мэргэжлийн болон хууль хүчний байгууллагууд, Монгол Улсын зэвсэгт хүчин, цагдаа, шүүх шинжилгээний алба, эрүүл мэндийн байгууллага, орон нутгийн Засаг даргын Тамгын газрын удирдлага хамт олон, мөн ар талын үйлчилгээнд ажилласан олон хүний хүч хөдөлмөрөөр богино хугацаанд үр дүнтэй зохион байгууллаа. Чин үнэнийг хэлэхэд энэ олон хүн гурав хоногийн хугацаанд цаг наргүй л ажиллалаа. Анхны дуудлагыг энэ сарын 22-ны 14.30 цагт аваад Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл багтсан ажлын хэсгийг би шууд удирдан ослын газарт ирсэн. Ингээд 23-ны өдрийн 04.05 цагт эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Эрлийн ажиллагаанд Уулын спортын холбооны гавьяат тамирчин Г.Өсөхбаяраар ахлуулсан баг хамтарч, бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан.

-77 настай уулчин бас эрлийн ажиллагаанд оролцож авиралт хийсэн гэл үү?

-Ховд аймгийн Онцгой байдлын газрын зөвлөх ажилтан, 77 настай уулчин Гүррагчаа гэдэг хүн л дээ. Ховд аймгийн Онцгой байдлын газрынхан энд бас ажилласан. Бид хүч хэрэгслээ Отгонтэнгэр хайрханы зүүн талд татан төвлөрүүлсэн. Баруун бүсийн Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Завхан зэрэг зургаан аймгийн хүч хэрэгслийг нааш татаж ирүүлсэн. Энэ эрлийн ажиллагаанд Улсын Онцгой комисс, Монгол Улсын Засгийн газар бүх түвшинд онцгой анхаарал хандуулсан. Зэвсэгт хүчнээс 303 дугаар ангийн хоёр нисдэг тэрэг ажиллуулсан нь бидний ажиллагааг хөнгөвчиллөө. Энэ хоёр нисдэг тэрэг манай аврагчдын багийг ослын голомт руу зөөх, осолдсон иргэдийн шарил цогцсыг хүргэх гээд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Баянхонгор аймаг дахь цэргийн ангиас мөн байлдааны зориулалттай гурван машин, суудлын хоёр тэрэгтэй тавь гаруй хүний бүрэлдэхүүнтэй хэсэг хүрэлцэн ирж ажиллалаа.

-Осолдсон иргэдийн шарилуудын хөл гар нь тасарсан, эр эм нь ч мэдэгдэхгүй болтлоо аймшигтай гэмтсэн учраас таниулах үйл ажиллагааг хийх юм гэнэ гэж сонслоо. Шарилууд ямаршуухан байдалтай байх юм?

-Отгонтэнгэр хайрханы газарзүйн бүтэц харахад эгч цавчим, ерэн градусын налуу өндөртэй. Өөрөөр хэлбэл 4000 метрийн өндрөөс 3200 метрт унана гэдэг бол хэр баргийн хүн эрсдэхгүй байх боломжгүй юм. Тэр өндрөөс иргэд маань цасан нурангид орооцолдон эргэлдэж, тэр эрчээрээ шидэгдэж орж ирсэн байна л даа. Осолдсон иргэдийн нүүр царай, биеийн байдлыг ажиглавал уулын хүчтэй цасан нурангид бөмбөрч цохигдон, нүүр гар хөл нь хугаралттай, бэртэлттэй, цээжин хэсгийн хувцас нь тайлагдсан байдалтай, хуруу гар нь сарвайчихсан байх жишээтэй олдсон. Тэдгээр цогцсуудыг ихэвчлэн цасан доороос олсон.

-Цасан доороос яаж баримжаалж олов?

-Металл хайгч багажийн тусламжтайгаар цогцсуудыг эрэн хайж олсон. Сүүлийн гурван шарилыг хайх үед бидэнд ямар ч багаж байгаагүй. Ердөө л хүрзтэй 99 албан хаагч нийт талбар дээр хоёр техник хэрэгсэлтэй ажилласан. Эрлийн ажиллагааг маш үр дүнтэй богино хугацаанд явууллаа. Байгаль хангай ч биднийг ивээлээ. Магадгүй салхи шуургатай, байгалийн хүнд нөхцөлтэй байсан бол эрлийн ажиллагааны цаг хугацаа сунжрах байсныг үгүйсгэхгүй.

-Цаг хугацаа гэснээс амьд үлдсэн арвын нэг нь зургийн аппаратаа гэрэнд нь хийх гэж бусдыгаа хүлээлгэж байтал түрүүчийн хоёр олсныхон пижигнээд алга болсон гэсэн яриа байгаа. Таны таамгаар яг ямар үйл явдал болж нэг хэсэг нь осолдож, цөөнх нь амьд үлдсэн бол?

-Энэ талаар ямар нэгэн мэдээлэл би аваагүй байна. Амьд үлдсэн арван хүнтэй бид уулзсан. Тэр хүмүүсийн өгч байгаа мэдээллээр бол 21-ний өглөө буюу бямба гарагийн 08.00 цагийн алдад хайрхан руу авиралт хийж 16.20 цагт анхны хүн оргил дээр нь гарсан байгаа юм. Тэнд 30-40 минут зураг хөргөө авахуулаад 17 цагт уруудсан. Уруудахдаа уулын авиралтын дүрмээрээ ирсэн мөрөөрөө буцах ёстой байтал зүүн гар тийшээ буюу Отгонтэнгэр хайрханы зүүн талаа барин уруудаж. Энэ нь маш том алдаа болсон байх. Ямартай ч бид шуурхай ажиллаж уржигдар эхний арван цогцсыг, өчигдөр дөрвөн шарил, гуравдахь өдөр гурван шарилыг олж Улаанбаатар хот руу нисдэг тэргээр илгээлээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Батмэнд: Хээр хонож байгаа уулчдыг хөл гараа хөлдөөчих вий гэж бодож байсан болохоос тийм олуулаа “нүүчихнэ” гэж ёстой бодоогүй

Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ш.Батмэндтэй уулзаж ярилцлаа.


-Та Отгонтэнгэр хайрханы байгаль хамгаалагчаар хэдэн жил ажиллаж байна?

-Би Отгонтэнгэрийн өвөр дэх байгаль хамгаалагчаар 1996 оноос ажиллаад хорин хоёр жил болж байна.

-Уулнаа авирагчид хэзээ ирэв?

-Аравдугаар сарын 20-ны баасан гаригийн 22 цагийн орчимд ирсэн. Миний таних ахлагч жолооч нь Мэлхийн хонхор хүрч дөхөж хононо гэсэн юм. Тэгэхэд нь би “Дээшээ явуулахгүй ээ. Дээшээ хонуулдаггүйг чи мэдсээр байж ингэж болохгүй” гэтэл уулчдын ахлагч Сүрэнжав бууж ирсэн. Тэр хүний хувьд манай үүгээр олонтаа ирсэн, олон ч удаа уулан дээр гарна гэж надтай зөрөлддөг хүн. Би гаргахгүй буцааж байсан удаа ч бий. “Барааны газраас зориод ирэхэд хичнээн ч удаа буцаахав” гээд гаргаж байсан удаа ч бий. Гаргахдаа “Чи олон хүнтэй битгий ирж байгаач. Ганцаараа юм уу, нэг хоёроороо л гарч бай л даа” гэж гуйдаг л байсан.

-Өмнө нь хэдэн удаа ирж байсан юм бэ?

-Саяын ирэлттэй дөрөв дэх удаагаа ирж байгаа юм. Уржнан хавар дөрөвдүгээр сард тавин хэдүүлээ ирж байсан. Тэгэхэд би харуулын байрнаас хэтрүүлэлгүй буцаасан. Тэгэхэд сумаас цагдаа, багийн дарга нарыг нааш нэмэлт хүч болгож явуулж байлаа. Орой нь би талийгаачид “Энэ чинь монгол түмний шүтээн уул. Чи ээж аавынхаа толгой дээгүүр алхдаггүй биз дээ. Бурхан дээрээ сандайлж суудаггүй биз дээ” гэж хүртэл хэлдэг л байлаа. Саяын удаад хаашдаа хүчрэгдэхгүй, уулын оргилд гарна гэдгийг би мэдэж байсан. Надад машиныг нь зогсоогоод, түлхүүр багажийг нь хураагаад, машиныг нь нэгжээд байх улсын байцаагчийн эрх байхгүй шүү дээ. “Харанхуй шөнө муудалцаад яахав. Өглөө хоёулаа үүр цайхаар уулзъя” гэж би хэлсэн.

-Өглөө нь тэгээд уулзав уу?

-Тэд 05 цагт босоод унд хоолоо идэж уугаад 07 цагийн орчим явцгаасан. “Чи хэдэн эмэгтэй хүнтэй яваа вэ” гэхэд “Тав” гээд манайд таван эмэгтэйг хонуулсан байсан. Хоёр эмэгтэйгээ надаас нууж гадаа машинд хонуулсан юм билээ. Би тэднийг явсны дараа тусгай хамгаалалттай газрын дарга руугаа залгасан. Хагас сайн өдөр байсан болохоор утсаа нээхгүй, нэлээд залгаж байж авсан. Даргад би “Нөгөө хүн дайраад явлаа. Ямар арга хэмжээ авах вэ. Өнөөдөр уулын оройд хаашдаа гарахдаа гарна. Ахиж ингэж олон хүн дагуулж ирэхгүйгээр яриа тохиролцоонд хүрмээр байна. Та нар эргэж ирэхээр нь уулзаач ээ” гэсэн. Сумын Засаг дарга Амгаланбаатар руу “Орон нутгийнхан ууланд хүн гаргахад дургүйцдэг. Би ч дургүй хүний нэг. Цагдаа нартаа хэлээч ээ” гэтэл “За, ойлголоо” гээд утсаа унтраасан. Орлогч даргадаа, цагдаа нартаа хэлсэн л юм байна лээ. Тэд нь амралтын өдөр болохоор тэгээд өнгөрөөчихсөн юм билээ.

-Ууланд авирсан улсыг та тэр чигт орхичихсон уу, эсвэл анзаарч л байв уу?

-Байнгын дурандаастай байсан. Өдийд чинь уулынхаа оройд түрүүч нь гарчихсан, сүүлч нь гараагүй явсан ш дээ. (2017.10.25-ны 17 цагийн үед эл ярилцлагыг авсан болно. сур) Тэд чинь гурван хэсэг явсан юм. Би хөгшиндөө “Сүүлийнх нь хүмүүс буцахгүй бол дэндүү оройтох нь дээ. Одоо яадаг билээ. Тэр чигтээ зүтгээд байх юм. Харанхуй боллоо. Бууж ирэхдээ хэцүүдэх вий дээ” гэж байлаа. Алсын нар жаргахад л лав наашаа уруудаагүй юм. Хайрханы орой дээр маш их удацгаасан. Хүний олныхоо тоогоор зураг хөрөг авахуулж цаг нэлээд алдсан байх.

-Уулчдыг тэртээ тэргүй авирахыг мэдээд та ахлагчид нь юу гэж захьж байв?

-“Олон мөр битгий гаргаарай. Ганцхан газраадаа гараад тэр мөрөөрөө бууж ирээрэй. Энүүхэн хавьд хүртэл “Чи л энэ ууланд хүн гаргаж зуд турхан болгодог” гэж намайг багийн хурал дээр чичилж шүүмжилдэг хүн байгаа шүү” гэж хэлж байсан. Үдэш болсон бараа байхгүй. Үнээгээ ивэлгээд л байсан харанхуй боллоо. Харанхуй болсон хойно саяын хүмүүс осолддогийн наад талд бүдэгхэн гэрлүүд байхыг би дурандаад л байсан. Ер нь явсан хүний тооноос хагас нь л байна гэдэг нь гэрлийн багцаагаар мэдэгдсэн. Олон жил ажилласан болохоор төчнөөн хүн тиймэрхүү гэрэл байна гэдэг багцаа надад байлгүй яахав. Духны гэрлүүд нь нэг л цөөхөн бүдэгхэн харагдаад байсан юм. Эд бол хаашдаа ууланд асчихсан улс. Хонох нь тодорхой. Хөл гараа хөлдөөчих вий гэж бодож байсан болохоос “нүүчихнэ” гэж ёстой бодоогүй.

-Яачихна гэсэн бэ?

-Нүүгээд ингээд уначихна гэж. Шөнө 03 цагийн алдад гарч дурандсан чинь гэрлүүд нь нэг тодроод, нэг бүдгэрээд үзэгдэх төдий л юм харагдсан. Өглөө нь үүр дөнгөж тэмдэгрэхэд харахад бас л тэндээ байсан. 23-ны өдрийн 14 цагийн үед хоёр хүн нь түрүүлж ирсэн шүү дээ.

-Гурван жолооч нь хаа байсан юм?

-Урьд өдөр нь өглөө 07-д хүмүүсээ Бадар хундагын тэнд хүргэчихээд, хоёр машинаа орхиод, нэг тэргээрээ гурвуул ирчихээд манайд идэж уугаад өнжсөн. Харин орой нь нөгөө улсуудаа буугаад ирнэ гээд уулаад машин руугаа явцгаасан. Жолооч нар нь ч хээр хоносон юм. Жолооч нарын хоёр нь шинэ хүн байсан. Шөнө машинууд нь дохиод л байсан юм. Ууланд хонодогуудынх нь гэрэл болохоор хар, цагаан хоёрын зааг дээр байсаар байсан. (Цас, хадны заагийг хэлэв. сур)

-Та уулчдын ахлагчид “Урд Баян хайрханд л авирчихаач” гэж хэлсэн юм уу?

-Би саяын ирэлтээр нь ч хэлээгүй л дээ. Өмнө нь “Чиний хөлийн чинь ул загатнаад уулан дээр гарах гээд бодоод байдаг юм бол энэ хүрэн асга хоёр мянга гаруй метр байгаа. Энэ дээр нэг гарчихаад ахиад нэг гарчихвал яасан юм бэ. Тэгвэл хэмжээ нь болчихно ш дээ” гэж тоглоомоор хүртэл хэлж л байсан.

-Талийгаач Сүрэнжаваас өөр мэргэжлийн уулчин байсан бол уу?

-Мэдэхгүй юм, наадуулыг нь би ёстой танихгүй. Нэг улаан цамцтай, сахалтай залуу “Өмнө нь би энэ ууланд хоёр гурван удаа гарсан ч ийм айхавтар юм болчихлоо” гэхэд нь би “Чи урьд авирч явсан юм бол хамгийн эрсдэлтэй газар руу яагаад буудаг юм. Та нарт өглөө “Нэг замаараа гараад тэрүүгээрээ буугаарай” гэж хэлсэн биз дээ. Чи сонссон доо” гэхэд дуугай л байна лээ. Нөгөө амьд гарсан арвын нэг шүү дээ. Өдөр тугал малаа услах, морио ойртуулах, аргал түлш гэж явсаар гэртээ иртэл нэг фургон нь ирчихсэн байсан.

Хоёр хүн байсны эмэгтэй нь нэлээд уйлчихсан байхаар нь “За, тодорхой юм болж дээ” л гэж бодсон. Эрэгтэй нь нэлээд дуу муутай сууж байсан. “За юу болов, яав” гэтэл “Байхгүй ээ, зарим маань осолдчихлоо” гэсэн. “Ээ чааваас даа, хайран сайхан залуучуудыг та нар амийг нь үрэх гэж аваад ирж дээ, юу ч гэж хэлэх вэ дээ” л гэж би хэлсэн. Би өөр юм хэлээгүй.

-Ай, мөн ч хэцүү юм болжээ?

-Үлдсэн бусад нь цуварч ирсээр цугласан. Манайд хоносон эмэгтэйчүүдээс ерөнхий боловсролын захирал гэж байсан залуухан эмэгтэй байхгүй байна лээ, чааваас. Бас жаран хэдтэй хөгшин эмэгтэй байсан. Тэр бас байхгүй байгаа юм. Тэр хүн манай эхнэртэй зэрэгцэж хоносон юм. Өглөө хувцсаа өмсөхөд нь “Ишш, энэ муу юу бодож байгаа бол? Хүзүүндээ эрхи зүүчихээд энэ сайхан шүтээн дээр гарна гэж зүтгэж явах юм” гэж бодож байсан юм. Тэр хүнийг би уулын оройд гарна ч гэж бодоогүй л дээ. Энүүхнээд нэг жаахан өгсөж мөргөчихөөд буцах байх гэж таамаглаж байсан юм. Тэгэхнээ л хуу зүтгэсэн юм билээ.

-Отгонтэнгэр хайрханы оройд үхсэн адуу гаргаад хаясан гэсэн яриа байсан?

-Гадаадын нэг хүн ар өөд нь өгсөж ирээд уулчин Батмагнайд хэлсэн байдаг. Хоёр жилийн дараа бас нэг хэсэг улс гарч ирээд “Үхсэн адуу байна шүү” гэсэн. Оройнхоо ар руу 200 метрт нэг бор хээр адуу мөс рүү шигдчихсэн юм байна лээ. Тэр адуу өөрийнхөө хөлөөр өврөөсөө л лав гарах үндэс байхгүй. Хүний хүчин зүйлээр л гарсан. Сүүлд манай хамгаалалтын газрынхан хөлийг нь хөрөөдөж жижиглэн буулгаж авчирсан.

-Отгонтэнгэрт нэг онгоц сүйрсэн гээд байдаг даа?

-Би тэр үед 11-тэй хүүхэд байсан. Онгоцны жолооч нь Бороохой гэж хүн байсан. Багийн төв дээр онгоцоо буулгаад аргамжиж хоноход нь үзэх гэж Буянт голын урдаас давхин очиж байлаа. Морь үргээд болохгүй болохоор барааны газар уячихаад явган гүйж очоод айгаад байснаа санадаг юм.

Энэ Шар давааны ам дээр Заяын мүнсэл, Цогтбазар гэдэг хоёр хүн нэгдлийн хуц хариулж байхдаа онгоц сүйрснийг мэдсэн юм гэнэ лээ. Хэд хоног үргэлжилсэн сунжирсан бороо орж байсан. Манараа л, зөөлөндүү сайхан бороо ороо л, нэг сийрээ л, эргээд бүрхээд ороод байдаг байсан үе шүү дээ, тэр жаран хэдэн онд чинь. Онгоцны дуу гарч байгаад нэг нүргэлсэн хатуу дуу гараад чимээгүй болсон гэж бригадын даргад мэдээлсэн байгаа юм. Сүйрсэн онгоцыг тэр мэдээллийн мөрөөр эрсээр олсон юм шүү дээ.

-Тэр сүйрлийн үлдэгдэл цагтай гар хүртэл олдож байсан гэл үү?

-Улсууд тэгж яриад байдаг байсан. Нэг сайхан хромон гутал байхаар нь бариад авсан чинь тасархай хөл байсан, Жооной, Очирбат гэдэг хоёр хүн дуран олчихоод булаацалдаж байгаад асганы хөндий рүү унагачихаад алинд нь ч үгүй авч чадаагүй юм гэнэ лээ гэж намайг хүүхэд байхад ярьдаг л байсан. Тэр онгоцны сэгийг бүрэн цэвэрлэж чадаагүй юм гэсэн шүү. 2005 онд ч бил үү баахан уулчид ирж цэвэрлэсэн. Тэр үед би дөрөв таван эр хонио хоолонд нь хандивлаж л байлаа.

-Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газарт нэвтрэхэд нэг хүний хураамж хэд байх вэ?

-Монгол хүнээс 300 төгрөг, гадаад хүнээс 3000 төгрөг авдаг юм. Жилийн хураамж сүүлийн жилүүдэд хоёр сая долоо найман зуун мянган төгрөг хураачихаад байгаа шүү. Зундаа долоо найман мянган хүн ирнэ шүү. Гадаадын жуулчид зуу гаруй хүн ирнэ. Өдөрт 120 машин ирэх ч тохиолдол байна. Зундаа би гэртээ ч орох завгүй шөнийн 00 цаг хүртэл хаалган дээрээ зогсдог юм.

Categories
мэдээ цаг-үе

Шагдарсүрэнгийн Гүрбазар: Монгол бөхийн босоо цагаан өргөөнд уйлбал уйлъя, дуулбал дуулъя

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазартай уулзаж хөөрөлдлөө. Түүний “Сайхан ч юм даа, монгол хүн болж мэндлэх” нэртэй нийтийн шилдэг гучин дууны цэнгүүн удахгүй болох гэж буй юм.


-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав та хоёр тоглолтоо жил бүр толилуулдаг байх аа?

-Балхаа маань тоглолтоо жил бүр хийдэг. Миний хувьд “Сайхан ч юм даа, монгол хүн болж мэндлэх” гэсэн тоглолтоо долоон жилийн дараа ард түмэндээ толилуулах гэж байна. Уран бүтээлч хүнд өөрийнхөө нооргийг ч юм уу, бичсэн юмаа эргүүлж харах өдөр гардаг л даа. Ний нуугүй хэлэхэд 1977 оноос хойш би Монголын нийтийн дууны ертөнцөд маш олон дуу зохиосон байх юм.

-Хэд орчим дуу зохиосон байх юм?

-Хоёр зуу гаруй дуу байна. Үүний жар гаруй дууг Балхаатайгаа хамтарч хийсэн байдаг. Рок попын дуунууд ч нэлээд бий. Яг нийтийн дууны тоглолт гэдэг утгаараа анх удаа энэ тоглолтоо хийж байна. Гучин жилийн өмнөхөөс энэ оны шинэ дуу хүртэл шигшээд үзэгчдэдээ сонсговол яасан юм бэ гэж бодсон юм. Зохиолч, сэтгүүлч хүний хувьд уран бүтээл гэдэг Гүрбазарын үг л юм даа. Тиймээс үгээ л хэлье гэж бодлоо. Сэтгүүлчийнхээ нийтлэлээр ч хэлж болдог, яруу найрагчийнхаа үүднээс дуугаар ч хэлж болдог нь үг л юм даа. Уран бүтээлээрээ дамжуулж Монгол бөхийн өргөөнд хоёр цаг дуугаръя.

-Монгол нутгаас буцаж байгаа хятад данжаад “Энэ сайхан нутагт хойд насандаа гүрвэл ч болтугай болж төрөх юм сан” гэж уйлаад явж байсан гэдэг. Таны хувьд Монгол сайхан орондоо хүн болж төрөхийн утга учрыг юу гэж бодож явдаг бол?

-Ер нь зүгээр шулуухан хэлэхэд сайхан юмаар цадчихсан хүмүүс сайхнаа огт мэддэггүй юм. Түүхээр цадчихсан хүн өөрийгөө мэддэггүй. Жишээ болгоод хэлэхэд Өмнөд монголчуудыг, халимагуудыг, буриадуудыг, Өлзийтөд байгаа Афганистаны хазаар монголчуудыг харах юм бол бидэнд атаархаж, наашаа эртний өвөг дээдсийн нутаг өөдөө сүүгээ өргөж байгаа нь үнэн шүү. “Ийм оронд хүн болж төрөх юм сан” гэж бэтгэрч байгаа. Тэд дутуу байгаагаа түүхээрээ нөхөж байгаа. Бид бүтэн байгаадаа эрдэж мөнх эжий аавтайгаа хамт байх юм шиг бодоод явдаг шигээ л загнаж байгаа байхгүй юу. Миний эх орны дуунуудыг энд байгаа монголчуудаас илүү дэлхийн монголчууд их сонсдог. Би тоглолтод дуулагдах дуу болгоныхоо өмнө учраа хэлье гэж бодож байгаа. Би зохиолч, яруу найрагч хүн. Эмзэглэдэг газраа эмзэглэе. Уйлах үедээ уйлъя. Уурлах газраа уурлая. Өмрөхгүй байхын аргагүй эх орон гэж байхад үнэнээ хэлье. Та нар минь яаж яваа юм бэ гэдгээ хэлмээр байна. Ямар сайндаа л би ийм дуу зохиохов гэж учирлан хэлье.

-“Монголын үнэртэй салхи”-аас өгсүүлээд сайхан дуунууд дуулагдана биз?

-Дуунуудыг хүмүүс тэртэй тэргүй мэднэ. Дуун дээрээ далимдуулж үгээ хэлье. Ийм завшаан надад тохиолдож байгаа. Миний тоглолтоос хоёр хоногийн дараа энэ сарын 27-нд Л.Балхжавын тоглолт болно. Балхаа бол өөрийнхөө хөг аялгууг л сонсгох гэж байгаа шүү дээ, хөгжмийн зохиолч хүн учраас. Би бол үгээ сонсгох гэж байгаа юм. Тасалбар дээрээ би “Дууны яруу найрагч” гэж өөрийгөө тодотгосон. Дууны яруу найраг чинь өөрөө үг. Аянд хавчуулсан сайхан дууг дуучнаар дамжуулан би хэлж байгаа үг юм. Тиймээс энэ 25-ны үдэш бол Гүрбазарыг сонсох мөчлөг байх болов уу. Би УИХ-ын гишүүн С.Жавхлан гуайд урилга илгээсэн. Хууль дүрмээрээ Жавхлан гуай дуулж болох, эсэхийг мэдэхгүй байгаа юм. Урилгын хариуг хэлье гэсэн. Тэгэхдээ “Монголын үнэртэй салхи” гэдэг дуу бол С.Жавхлангийн өмч биш. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэр-Од, Гүрбазар хоёрын өмч. Уг нь нөгөө монгол гэдэг дээлээ өмсдөг хүн мөн л юм бол миний тоглолт дээр зогсож л байх ёстой. “Сайхан ч юм даа, монгол хүн болж мэндлэх” гэдэг тоглолтонд Жавхлан үг хэлэхэд ард түмэн уурлахгүй. Гэхдээ ямар ч байсан “Монголын үнэртэй салхи” гэдэг дуу дуулагдана.

-Дуугаар дөрөөлж түмний танил, төрийн гавьяат болсон хүн ирж оролцох байлгүй дээ?

-Уран бүтээлчийн урлан руу хүн хэр барагтай бол өнгийдөггүй юм л даа. Нийтлэлийг нь уншаад л уурлах юм уу, уйлаад унахаас биш сэтгүүлчийн ч бай, яруу найрагчийн ч бай зовлонг хүн мэддэггүй. Одоо цагт тоглолтын сурталчилгаа явахаар “Тэр дуучин ирнэ, энэ гавьяат орно” гэж зарлах юм. Би бол тэр дуучин ирнэ гэж зарлахгүй, тэр дуу дуулагдана гэж хэлж байгаа. “Мөнхийн дэргэд ээж минь”, “Монголоо санасан сэтгэл”, “Будан суухаас нь өмнө”, “Уйлахгүй шүү би аавыгаа санахаар” гээд бүгд л олны мэдэх дуунууд байгаа. Зарим дуучдын хувьд дэлхийн алдартай дуучин Ариунбаатар маань гадаадаас 25-ны өглөө онгоцноос буух тохиолдол байгаа. Дахин хэлэхэд энэ л дуунуудаараа омогшиж Монгол бөхийн босоо цагаан өргөөг тойрч байгаад уйлбал уйлаад, дуулбал дуулаад үзье. Би чинь жүжгийн зохиолч, бас яруу найрагч хүн. Арга ядахад хөтлөгч хүн шүү дээ. Тийм учраас дууны яруу найрагчийн зүрхний үгийг сонсох үдэш болох юм даа. Өөр газар миний дуунуудыг дуулдаг л даа. “Монгол ээж” гэдэг дуу дуулагдлаа гэхэд алга ташаад л болчихдог.

“Чонын хийморьтой эр хүн байна

Цолмон од шиг торолзъё доо” гэдэг дуугаа яаж зохиосноо яриад дараа нь тэр дууг сонсохоор жирийн цуваа тоглолтоос ондоо байж таарна аа даа.

-Ёстой жинхэнэ амьд тоглолт гэдэг чинь л тэр болно доо. Зохиогчийн нэвтрүүлэг гэдэг шиг зохиогчийн тоглолт л болох юм байна?

-Зохиогчийн хөтөлбөр байх юм. Нандиаг би урьж байгаа. Заримдаа Нандиагийн ток шоу ч юм шиг, заримдаа Гүрбазарын драмтай тоглолт ч юм шиг, заримдаа Гүрбазарын яруу найргийн хэсэг ч юм шиг, заримдаа ёслолын хэсэг ч юм шиг хэнийг ч уйдаахгүй тоглолт байх юм. Хоёр гурван хэсэгтэй. Гэхдээ ихэнх хэсгийг би өөрөө хөтөлж явна. Гучин жил бодож явсан бодлоо хэлнэ. Одоо нэг юм сонгууль холдож амарсан болохоор тоглолтон дээрээ улс төр ч ярина. Та бидний дотор өмөөрөхгүй байхгүй бол болохгүй эх орон ч гэдэг юм уу эмзэглэх зүйл их байдаг биз дээ. Уулс санаа алдах энэ тэрийг би хатуухан хэлнэ. Тиймээс би төрийн томчуулыг урьж байгаа. УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд болж буй Ц.Нямдорж гуайг урьсан. “Би очно оо” гэж байна лээ. Би үгээ төрд сонсгох гээд байна. Ноднин жил би энэ тоглолтоо хийсэн бол “Энэ хэний сонгуулийн шоу вэ” гэж хардах байсан. Одоо ядаж байхад яаж ч хардах гээд ойр хавьд ямар ч сонгууль алга л даа. (инээв) Би тасалбараа Монголын газрын зургийн хэлбэртэй хийсэн. Энэ чинь л нэг юм хэлээд байгаа биз дээ.

-Таны юу хэлэх гээд байгаа санааг очин байж, үзэн байж л мэднэ дээ?

-Гүрбазарын сэтгэлийг сонсох гэж үзэгчид маань очно. Би эжийдээ яаж дуу зохиосон юм гэдгээ уйлж байгаад ярина. Эх орондоо яаж баярлаж, яаж омогшдогоо уйлж байгаад ярина. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга монгол гэдэг ойлголт руугаа жаахан ч гэсэн дөхье гэсэн сайхан сайхан санал гаргаад байгаа. Би аль ч намын гишүүн биш. Монгол гэдэг үнэмшилдээ ойртчихвол бидний өнөөгийн хорин хэдэн тэрбум долларын өр, эдийн засгийн ядуурал юу ч биш. Дороо л босоод ирнэ. Дэлхийн нэг том эрдэмтэнтэй ярилцаж байхад “Та нар нийгмийн сэтгэлгээний бэрхшээлээ ялчихвал эдийн засгийн хямрал юу ч биш. Нэг өдөр босоод ирнэ” гэж байсан. Энэ үнэн шүү. Хорин хэдэн тэрбум доллар чинь нэг баян хүний халаасанд л байгаа байхгүй юу. Нэг л зөв голдиролдоо орчих юм бол манайх дороо л босчихно. Хэн нэгнийг муулаад яахын бэ. Жаахан омогшиж урагшаа л харъя. Танд гэж хэлэхэд би эх орны тухай ийм олон дуу яах гэж хийдэг юм бэ?

-Яах гэж хийдэг гэж?

-Дээхнэ социализмын үед намын тухай дуу хийгээд шагнуулдаг байсан шүү дээ. Тэрэн шиг алдар олох гэж би эх орны дуу хийгээгүй. Дандаа эмзэглэсэндээ хийдэг юм. Гай гамшигт бүү уначихаасай миний эх орон, гайхамшигтай сайхан эх оронтой шүү гэж мөнхөд сануулахын тулд, одоо арван настай хүүхэд гучин жилийн дараа миний дууг сонсоод “Гүрбазар гуай тэгж хэлсэн байдаг шүү” гэж яриасай гэсэндээ бичдэг юм. Өнөөдөр бид “Жамцын Бадраа гэж агуу амьтан

“Хүдэн татсан хангай байна аа хө

Хүний нутгийн хангай юу даа хө…” гэж захьж үлдээсэн шүү” гэж ярьдаг биз дээ. Явуухулан, Бадраа шиг түүхэнд үнэлэгдэхгүй ч гэсэн миний туйлын хүслэн маань ийм гэгээн юм.

-Дуу бол хөгжмийн зохиолч, найрагч, дуучин гурвын чандмалсан бүтээл байдаг даа?

-Тоглолтдоо Н.Жанцанноров гуайгаа урьсан. Энэ агуу хүнтэй би есөн дуу хийсэн. Балхаагаа урина. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сэр-Одыгоо, Бямбабаяраа, энэ цагийн Монголын алдартай хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяраа, Цэн.Эрдэнэбатаа, Аранзаа гэдэг Бат-Эрдэнээ урина. Тэнгэрт одсон хөгжмийн зохиолчдодоо хүндэтгэл үзүүлнэ. Дэлхийд захлаад эхэлчихсэн Анхбаяр гэдэг дуучин миний “Алтан ширээгийн дуулал” дууг минь хоортой дуулахаар болж байна.

-Та тоглолтоороо үгээ хэлэх юм байж. Үгээ хэлэхээс гадна бас сайхан үйл дагаж л байгаа даа?

-Дуугаараа би гурав дөрвөн шинэ сайхан дуучин гаргаж ирэх гэж байгаа. Тэд өөрсдөө ярьдаггүй л болохоос миний дуугаар гарч ирсэн олон залуучууд байдаг. Миний “Чонон хийморьтой эр хүн” тоглолтод одоогоос олон жилийн өмнө дуучин Төрмандахыг анх удаа дуулж байхад үзэгчид “Төрмандахын дэргэд Жавхлан юу юм бэ” гэж хашгирч байсан. Тэрэнтэй адил нэг залуу дуучин түрээд, төрөөд гараад ирвэл “Жавхлан, Төрмандах хоёр юу юм бэ” гэвэл яах юм. Битүү морьд шиг залуучуудыг би дэмждэг. Миний гучин жилийн мөрөөдөл байгаа. Тэр мөрөөдлөө би энэ тоглолтон дээрээ биелүүлнэ. Нугардаг юм уу, илбэ үзүүлдэг юм уу, цирк үзүүлэх ч юм уу би тэрийгээ хэлж мэдэхгүй. Энэ шоу байг л дээ. Муу хийж болно. “Гүрээгээс бас ийм юм гардаг аа” гэхээр нэг сюрприз ямар ч байсан үзүүлнэ. Бөхийн өргөөнд тоглолтоо хийж байгаа юм чинь барилдаж ч болно шүү дээ.

-Болрын талст гэдэг шиг та бол яруу найрагч, сэтгүүлч, хөтлөгч, жүжигчин, жүжгийн зохиолч гээд авьяасын маш олон талсттай уран бүтээлч. Энэ цаанаасаа учиртай байна уу, үгүй юу. Ардын уран зохиолч Балжирын Догмид ах л гэхэд таныг Дорноговийн нэг гайхамшигтай хувилгааны хойд дүр гээд шүтээд байдаг юм билээ?

-За яах вэ, Дорноговийнхон нэгнээ магтсан л гэх байх даа. Миний телевизийн нэвтрүүлгээр Догмид гуай намайг орон даяар ингэж зарласан л даа. Догмид гуайн аав Балжир гэж хүн байлаа. Намайг гурван настай жаахан байхад Нүдэнгийн хийдийн хэдэн хөгшчүүл ирж хадаг барьсан юм гэнэ лээ. Намайг гуравтай байхад Догмид гуай 13-тай байж. Хадаг бариад ирэхэд нь манай аав тэднийг хөөгөөд явуулчихсан юм билээ. Манай аавыг Догмид гуай “Улаан хувьсгалч Шагдарсүрэн” гээд байдаг ш дээ. Аав уурлаад гурван жил цагаан дээс татаад хүн оруулаагүй гэдэг юм. Тэр ямар учиртай байсныг би мэдэхгүй. Намайг бага байхад шинийн найманд багтаж Нүдэнгийн хийдийн хөгшчүүл ирж “Багшид ирж мөргөж байна” гэж золгодог байсныг мэдэх юм. Тэдний нэг нь Догмид гуайн аав л даа. Тэр үед 13-тай байснаараа Догмид гуай л мэддэг байсан юм билээ. Тэрнээс би сахил санваар ч үгүй хүн. Гандангийн хуучны лам нар “Та тэр хүний хойд дүр шүү” гэж хожим надад хэлдэг байсан, би ганц тарни ч мэдэхгүй хүн чинь яах билээ. Тэр бол хүмүүсийн хүндлэл бишрэл. Гэхдээ би онгодтой, хийморьтой шүлэг найраг бичиж байгаа минь тэр хувилгааны буян хишиг юм болов уу гэж дотроо залбирч явдаг. Тоглолтдоо арван гуравтай лам Гандангаас гуйсан. Дуулсан дуучдад тэр лам хадаг барих юм. Тэр нь их авшиг болох байх.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

Хөгжмийн зохиолч Л.Балхжав: “Миний дуунууд” тоглолтыг Халиун ба түүний нөхөд найруулж байгаа

Л.Балхжав зурган илэрцүүд

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, “UBS” телевизийн ерөнхий захирал, хөгжмийн зохиолч Л.Балхжавтай уулзаж ярилцлаа.

-Манай улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ой саяхан болж өнгөрлөө. “UBS” телевизийн 25 жилийн ой боллоо. Танд болон танай хамт олонд ойн баярын мэнд хүргэе!

-Хорин таван жил гэдэг нүд ирмэхийн зуурт өнгөрдөг юм байна. Өнгөрсөн он жилүүдээ тайлагнасан дурсамж нэвтрүүлэг хийсэн чинь уран бүтээлийн өчнөөн их арвин сан хөмрөг бүрдэж. Хэдий богинохон цаг хугацаа өнгөрсөн ч “UBS” телевизийн хамт олон маань ихийг бүтээжээ. Манай телевиз дотроо гурван сувагтай үйл ажиллагаа явуулдаг. “UBS” нэгдүгээр суваг, “Өлзий” телевиз, “Global” телевиз гэсэн гурван сувгаар олон түмэндээ үйлчилж байгаа. Мөн “TV zone” сэтгүүл, fm радио, телевизийн сургалтын төвд нийт 200 гаруй ажилтан албан хаагчидтай.

-Танай телевиз гадаадын хэр олон сувагтай хамтарч ажиллаж байна?

-Манай хамт олон олон жил гадаад харилцаагаа тогтвортой хөгжүүлж ирлээ. Зөвхөн айлчлалын хүрээнд биш төслийн хэмжээнд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ-ын телевизүүдтэй таван орныг хамран хамтарч ажиллаж байгаа. “Загасан нүд” олон улсын наадам маань 18 жил тасралтгүй зохиогдох гэж байна. “Болор шинэ жил” нэвтрүүлгийг гадаадын телевизүүдтэй хамтарч бэлтгэдэг. “Хоёр хот, хоёр телевиз” гэх мэт олон төслүүд хэрэгжүүлсэн. Уран бүтээлчдээ солилцох, мэргэжил дээшлүүлэх зэрэг олон чиглэлээр эдэнтэйгээ ойрын түншийн харилцаатай байдаг даа.

-Телевизээ хөл дээр нь босгоход бэрхшээл их туулав уу?

-Манай телевиз 1992 онд байгуулагдаж, 2004 оноос бие даасан. Улсаас ямар ч төсөв авалгүй менежментийн баг маань өнөөдрийг хүртэл амжилттай л ажиллаж байна. Урьд нь бэлэн санхүүжилт аваад явж байсан байгууллагад бэрхшээл зовлон байлгүй яахав. Дулаан, цахилгаан, газрын төлбөр, нэвтрүүлгийн зардал гээд бүхий л зүйл уран бүтээлч бидний нуруун дээр ирсэн. Гэхдээ бид шантраагүй, цаашид ч шантрахгүй. Монголд телевизийн салбар маш хурдацтай хөгжиж байна. “Монгол”, “Боловсрол” телевизүүд байна. Маш сайхан томоохон төслүүдийг гадаадаас авчирч монгол хөрсөн дээрээ буулган үзэгчдийнхээ нүдийг тайлж “Төсөл гэдэг чинь ийм юм байдаг” гэдгийг харуулж байна. Телевиз болгон өөр өөрийн хувь заяатай. Бид аль болох болсон ч, болоогүй ч өөрсдийн үндэсний контент бүтээхийг зорьж ажиллаж байгаа. Гадаадын том төслүүдээс суралцах зүйл асар их. Гоё сайхан зүйл үзүүлж байгаа бусдаасаа суралцаж байна, биднээс ч бас суралцах юм байдаг л байх.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

-Бусад телевизүүдийг та өрсөлдөгч гэдэг утгаар хардаг уу?

-Телевиз удирдаж байгаа миний насны хүн телевизийн өрсөлдөөнийг зөвхөн өөрийн телевизийн дэлгэцээр харах биш Монголд телевизийн урлаг яаж хөгжиж байна гэдэгтэй харьцуулж өргөн агуулгаар хардаг болдог юм байна. Рок, поп, нийтийн гээд аль ч төрлийн дууг сонсдог гэдэг шиг аль ч телевизийн гоё нэвтрүүлгийг үзээд баярлаж суудаг хүний нэг. Энэ бол худлаа биш чин сэтгэлээсээ хэлж байгаа үг шүү. “Яг түүн шиг”, “Авьяаслаг монголчууд” зэрэг нэвтрүүлгийг дугаар алгасахгүй үздэг. Олон хүний тархиар боловсроод гарчихсан төсөл бол үнэхээр төгс төгөлдөр л байдаг юм байна. Энэ сайхан суурийг тавьж байгаа бусад телевизийн залуу удирдагч нартаа баяр хүргэж байгааг минь дамжуулж өгөөрэй.

-Танай шоу нэвтрүүлэг, төслүүд хэн ч танихгүй урлагийн авьяастнуудыг нээхээс гадна нэртэй уран бүтээлчдийн дотоод ертөнцийг үзэгч олон түмэнд таниулж буйгаараа их онцлог. Шүүгч хийж байгаа алдартнуудын хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бас мэдэж авч байна аа даа?

-Манай төслүүд залуу авьяастнуудыг нээхээс гадна урлаг соёлын алдартнуудыг үзэгчидтэй удаан байлгаж үзэл бодлыг нь уралдуулах боломж олгодог индэр мөн нь үнэн. Үүнд би их баярладаг. Манай төслийн шүүгчдээс хэчнээн гавьяат, төрийн шагналтнууд төрөв. Энэ бүхэнд төслүүд маань үр дүнгээ өгсөн л байх. Шүүгчид маань уран бүтээлчийнхээ, багшийнхаа, урлаг судлаачийнхаа, кино шүүмжлэгч, жүжигчнийхээ, найруулагчийнхаа, дуучныхаа, үзэгчийнхээ үүргийг нэг ёсондоо жинхэнэ байдлаар гүйцэтгэж байгаагийн л нэг илрэл юм.

-Танай төслүүдийн гала тоглолт үзэгчдээр дүүрэн байдаг. Ашиг их олох уу?

-Тоглолт энэ тэрээс ашиг олно гэж байхгүй. Ямар нэгэн төсөл маань орлого, зарлага нь тэнцэж л байвал болоо гэж боддог. Маш их зардал гарна л даа. Ингээд Монголын телевизийн салбарт ажиллаж байгаа бүх уран бүтээлч сэтгүүлч, найруулагч, инженер, техникийн ажилчин албан хаагчдад “UBS” телевизийнхээ олон сая үзэгчдийн нэрийн өмнөөс, хамт олныхоо өмнөөс Монголд телевизийн салбар үүсэж хөгжсөний 50 жилийн ойн мэндийг хүргэе.

-Таны уран бүтээлийн тоглолт хэзээ болох гэж байна?

-“Сэтгэлийн хөг” тоглолтоо 1999 онд анх хийж байсан бол 19 дэх удаагийн тоглолтоо “Миний дуунууд” нэртэйгээр “UB palace”-ийн концертын их танхимд энэ сарын 27, 28-ны өдрүүдэд хийх гэж байна. Надаас хүмүүс “Тоглолтоо өөр газар хийж болдоггүй юм уу” гэж асуудаг юм. Дассан сурсан газраа хийвэл аль болох олон хүн үзэж дуу хуураар цэнгэх байх гэж би боддог юм. Жил бүр тасралтгүй зохион байгуулдаг энэ тоглолт маань их том ажил. Энэ тоглолтыг ганцхан би зохион байгуулаад байгаа юм биш, яруу найрагчид, дуучид, тайзны ард “UBS” телевизийн хамт олон, уран бүтээлчид, найруулагчид, ивээн тэтгэгч хамт олон гээд маш олон хүн ажиллаж байж босгож ирдэг. Миний чин хүсэл гэвэл тоглолтоо тасралтгүй ард түмэндээ хүргэж, дуу хуураараа Монголынхоо хөгжилд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах юм сан гэж боддог.

-Энэ жилийн “Миний дуунууд”-ын онцлог нь юу байх бол?

-Тоглолтонд маань Монголын рок, попын ертөнцийнхөн бүгд уран бүтээлээ толилуулдаг. Үзэгчдэд маань танил болсон олон дууг эргэн сонсож таашаал авахаас гадна өөр дуучны хоолойгоор тухайн уран бүтээлийг таашаах дурсамж хэсэг ч багтсан. Сүүлийн үед бичсэн шинэ уран бүтээлүүд орно. Энэ жилийн тоглолтын гол онцлог бол хөгжмийн зохиолч, оранжравшик Н.Халиун өөрийн командыг бүрдүүлж оркестр найруулж байгаа. Ноднингийн тоглолтыг Чинбаа ба түүний нөхөд найруулсан бол энэ жил Халиун ба түүний нөхөд найруулж байна. Тиймээс хөгжимчдийн ур чадварын гайхамшиг тоглолтын үеэр мэдэгдэнэ.

-Шинэ ямар дуунууд орж байгаа бол?

-Дуучин Б.Амархүү маань хоёр шинэ дуу дуулна. Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа бас шинэ дуу дуулж байна. Гавьяат жүжигчин Т.Ариунаа шинэ уран бүтээл толилуулна. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ”, “Universe best songs” наадмуудын ялагчид маань анхныхаа тоглолтонд оролцоно. “Содура” киноны гол дүрийн жүжигчин Очгэрэл бас дуулж байгаа. Тэгээд төрийн шагналт, гавьяатууд маань уламжлал ёсоороо оролцоно.

-“Содура” уран сайхны кино бол танай телевизийн томоохон төсөл байсан. Үзэгчдийн хувьд эерэг, сөрөг сэтгэгдлээр хүлээж авсан. Тухайлбал, цаатан түмний ёс заншлыг гутаалаа, хэзээ байхдаа шарилыг тэгж харваж шидэж байсан юм гэх мэт янз бүрийн шүүмжлэл өрнөсөн. Таны хувьд “Содура”-гаа ямар байдлаар хүлээж авав?

-“Содура” киног бүтээсэндээ манай хамт олон сэтгэл их өндөр байгаа. Хүмүүс янз бүрээр ярьж л байгаа байх. Урлаг судлаачид их өөрөөр дүгнэсэн. Каннын кино наадамд Францад очиж оролцлоо. Якутын олон улсын кино фестивалийн шагналт байрыг авчирлаа. Үндэсний цөөнх болсон цаатан ардынхаа ахуй, соёлыг сурталчилсан бүтээл болсон учраас Монгол Улсад аялал жуулчлалын нэгээхэн харгуйг нээсэн. Хөвсгөлийн тайга, цаатан ард түмнийг үзэх гэж очдог гадаадын болон дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Бүтэн зургаан сарын турш кино театруудын дэлгэцнээс буугаагүй рекордыг тогтоосон. “Содура”-даа урамшаад “Говийн домог” гэдэг уран сайхны киногоо бид одоо хийж байна.

-За, юун тухай кино билээ?

-Хүний амьдралд аялгуу эгшиг ямар их хэрэгтэй юм бэ гэсэн түүхэн домгоос сэдэвлэсэн кино л доо. Ирэх оны нэгдүгээр сард нээх санаатай байгаа. Зохиолыг нь манай телевизийн уран сайхны нийтлэл нэвтрүүлгийн албаны дарга, сэтгүүлч-редактор Сумьяа, кино зохиолч Эрдэнэ нар хамтран бичсэн. Манай үзэгчид уран сайхны кино гэдгийг ойлгох учиртай байх. Тухайлбал, “Содура” дээр гэхэд ардын ёс заншлыг эвдэж харууллаа гээд байна аа даа.

-Аа за?

-Тийм ёс байгаагүй ч гэсэн төстэй домог яриан дээр тулгуурлаад дүр, үйл явдлыг бүтээж байна. Уран сайхны кино баримтат бүтээл биш учраас уран сэтгэмж орж байж олон улсын үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж “Нээрээ ийм шийдэл байж болох юм байна” гэсэн сэтгэгдлийг үлдээнэ.

-Кино төслийн хувьд амжилттай сайхан явж байгаа юм байна. Тоглолтын сюрприз гэж юм байж л байгаа даа?

-Сюрприз байгаа. Сюрприз маань цочир сонин байж л сюрприз болж таарна аа даа. Тоглолтыг ирж үзээрэй, хүмүүс ээ л гэж хэлье дээ.

-Таны хүү Чингүүн хэд хэдэн кино найруулсан. Уран бүтээлчийн нүдээр хүүгээ харвал ямархан уран бүтээлч болох шинжтэй байна?

-Эцэг эх хүүхдийнхээ биеийг төрүүлдэг. Гэр бүлийн орчин уран бүтээлд нь нөлөөлсөн л байх. Нэгэнт уран бүтээлийн замыг сонгосон бол өөрийнхөө уран бүтээлийн үрийг өөрөө тарьж, ургацаа өөрөө хурааж, ургацаасаа ашиг олж дараагийн ургацаа тарих учиртай. Тиймээс би хүүгийнхээ уран бүтээлд ерөөсөө оролцдоггүй. Манай телевизэд ч ажилладаггүй. Өөрийнхөө чиглэлээр л уран бүтээлээ бие дааж хийдэг. Чингүүний алдаа, оноог би харж л байна. Одоохондоо залуу байна. Уран бүтээлийг үзэгчид шүүх болохоос аав нь шүүхгүй. Цаг хугацаа л харуулна даа. Хүүгийн маань хамгийн анхны хараа муутай залуугийн тухай богино хэмжээний кино байдаг даа. Тэр бол давс хужир нь таарчихсан аятайхан бүтээл болсон шүү. Хэлсэн юмтай, хийц сайтай, найруулагчийн шийдэлтэй бүтээл болсон доо.

-“Ахмадын золбоо” хамтлаг тань ойрд тоглолт хийх үү?

-Бид нэг тоглолт хийсэн. Хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион маань “Хамтраад тоглолт хийе” гэж ярьж л байгаа. Бид мэр сэр шинэ жилийн үеэр тоглочихдог. Хамтлагийн хөгжлийг ахлагч Долгион маань тодорхойлж төлөвлөдөг учраас цаадахаасаа сайн асуугаарай.


Categories
мэдээ цаг-үе

Базарсадын Болдбаатар: Мориор ч хүрэхийн аргагүй газарт зорьж очин тоглоно гэдэг сайхан

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын уран сайхны удирдагч, ахмад Базарсадын Болдбаатартай уулзаж хөөрөлдлөө. Түүнийг “Бүжин сарны зүүд”, “Нутгаа санаад уйлдаг сэтгэл”, “Хайр буруугүй”, “Бид мартахгүй”, “Ухаан, цэцэг хоёр”, “Тогоруутай нуур”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олны танил болсон дуучин гэдгийг монголчууд сайн мэднэ.


-Монгол түмний хайртай дуучин маань нэг л сураг ажиггүй болчихсон чинь цэргийн хүн болчихож. Хилийн цэрэгт ямар ажил алба эрхэлж байна даа?

-Би Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын 0294 дүгээр тусгай салбарын орлогчоор буюу уран сайхны удирдагчаар томилогдоод ажиллаж байна.

-Уран бүтээлч хүн цэргийн албанд орчихоор нэг л хашигдмал болчихоод байна уу?

-Монгол бөхийн өргөөнд би нийт найман тоглолтоо толилуулж, 21 аймгаа тав тойрсон байдаг. Одоо төрдөө зүтгээд сайхан л явж байна. Мэдсэн сурсан мэргэжлийн мэдлэг чадвараа хамт олонтойгоо хуваалцана гэдэг сайхан. Уран бүтээлч хүний хувьд уран бүтээлчдээ удирдана гэдэг амаргүй л дээ. Гэхдээ Хилийн цэргийн чуулгад ирээд хилчид дайчид болон хил орчмын ард иргэддээ урлаг соёлоор үйлчилнэ гэдэг бахархмаар сайхан алба юм. Морь малаар хүрдэггүй, машин техник ч явахад бэрхшээлтэй хилийн онгон дагшин газруудад очиж тоглолтоо хийнэ гэдэг үнэхээр бахархмаар шүү. Хилийн харуулын ганц цэрэг ч байсан л урлаг соёлоор үйлчлэх тангарагтай улс шүү дээ, бид.

-Танай чуулгаас ч олон сайхан алдартан төрсөн дөө?

-Манай чуулгын бүрэлдэхүүн одоо ерөнхийдөө их залуужсан. Би энд ажиллаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Манай алдартнуудыг тоочно гэвэл барагдахгүй. Бүжгийн төрлөөр гэхэд Отгон гэж гавьяат байна. Дуучдаас “Хөх тэнгэр” хамтлагийн дуучин Дашдондог, гавьяат жүжигчин Бүрнээбаяр нарын олон хүн бий. Манай чуулгын дуучин Мөнгөнчимэг, Батбаатар, Энхбаатар нар маань ОХУ-ын Линховений олон улсын тэмцээнд амжилттай оролцлоо. “Этэн” морин хуурын хамтлаг маань бас олон улсын фестивальд оролцоод ирсэн. Хилийн цэргийн ерөнхий командлагч хошууч генерал Сэргэлэн, бригадын генерал Бямбасүрэн, бригадын генерал Лхагвасүрэн, штабын дарга, хошууч генерал Лхачинжав нарын гүн дэмжлэг манай чуулгын ажил үйлс өөдрөг байх үндэс болдог доо.

-Шинэ уран бүтээл юутайхан байна?

-Ажилдаа дадлагажиж, уран бүтээлчдээ дэмжиж, залуу уран бүтээлчдийг гаргаж ирэх, хилчдэдээ уран бүтээлээ толилуулж ажиллах бодолтой байгаа. Миний хувь уран бүтээл нэг хэсэг завсардлаа. Удирдлагын академи, Хууль сахиулахын их сургуулийн офицерын дамжаанд суралцаж төгслөө. Одоо цэргийн чиглэлээр тоглолт хийх үү, нийтэд зориулсан тоглолт толилуулах уу гэдгээ шийдээгүй л байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Найданжав ахын аялгуу, Батсуурийн шүлэг “Тарнын яргай” дуугаа дүрсжүүлэх, “Хилчин” хамтлагтайгаа хамтарч цэнгүүн зохион байгуулах гээд олон л зорилт өмнөө тавьсан.

-Цэргийн, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллах саналыг хэн анх тавив?

-Би арваад компани хариуцдаг группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад мэргэжлээрээ түлхүү ажиллая гэж шийдэн энд ажиллах саналаа тавьсан даа.

-СУИС-ийг хэдэн онд төгслөө?

-2006 онд төгссөн. Манай ангийнхан гэвэл “Ану хатан”-д тоглосон дуучин Отгонжаргал, дуучин Амарбаясгалан, Тамир, Оюунцэцэг, Жавхаасайхан, Үүрийнтуяа нарын олон сайхан авьяастнууд байдаг. ДБЭТ-т Хандхүү нарын манай ангийн олон дуучин ажиллаж байна. Бид “Дуун хээтэй нэгэн үеийнхэн” зэрэг тоглолтыг хийж байлаа. Миний дуулаачийн мэргэжлийн багш маань олон түмэн “Зэрэг нэмэхийн өмнө” киноны Долдойгийн дүрээр нь сайн мэдэх ардын жүжигчин Жамьяндагва юм. “Ньюанс”-ын Өнөрөө, Энхтайван, гавьяат жүжигчин Ганбат агсан, “Элькондор”-ын Хэрлэн нарын уран бүтээлчдийг улсынхаа болон дэлхийн тайзанд гаргасан мундаг хүн дээ, миний багш. Ангийн багш маань урлагийн гавьяат зүтгэлтэн, уртын дуучин Дэлгэр байв. Энэ л сайхан багш нарынхаа буянаар өдий зэрэгтэй явна даа.

-Аль нутаг усных билээ дээ?

-Хэнтий аймгийн Батноров суманд төрж, Бэрх тосгонд өссөн хоёр нутагтан даа, би. (инээв) Аав маань алт мөнгөний дархан хүн. Батноровын Тожил дархны хийц гэдэг дээ. Энэ алдарт Тожил дархны шавийн шавь уран дархан. Тожил дархны эдэлж хэрэглэж явсан зүйлс, дархны бүх багаж нь манай ахад байдаг. Аавын хийсэн эмээлийг “Садын хийц” гээд хүмүүс энд тэнд тохчихсон л явдаг. Аавынхаа багшид зориулж “Мөнгөн чимэгтэй эмээл” гэдэг дууг саяхан би дууллаа.

-Аавынхаа уран дархны авьяасаас өвлөв үү?

-Би эцэг, эхээс долуулаа. Ганц эгчтэй, би айлын отгон хүү. Олон ах нарынхаа, бас эгчийнхээ гар дээр бөмбөрч өссөн жаахан эрх талдаа байсан. Аавынхаа авьяасыг дуурайсан нь ах нар маань. Миний хувьд дархны талын авьяас маруухан. Хүүхэд байхдаа хар лавыг нь хайлуулж өгөх зэргээр аавынхаа дархны ойр зуурын ажилд тусалдаг л байсан. Дархны ажилдаа жаахан дөр суулгаж, хэр явцтайг нь харъя гэсэндээ тэр үү аав маань жижигхэн майхан барьж өгөөд, баахан хөнгөн цагаан давтуулдаг байсан. Би тэр хөнгөн цагааныг давтаад бөгж болгож зүүхээс хэтрээгүй. Аавынхаа хаана нь ч хүрэхгүй. Жинхэнэ Батноров хийцийг манай аав хийдэг. Маш олон шавь нартай. Тэднээс улсдаа нэрээ гаргаж яваа нь ч цөөнгүй.

-Ээж тань дуучин гэл үү?

-Ээж Барайширжав маань насаараа сурган хүмүүжүүлэх ажил хийсэн, хөгжимчин хүн. Соёлын тэргүүний ажилтан цолтой. Сайхан дуулчихна. Аавын маань талд нутаг олондоо алдаршсан бүжигчин, дуучин хүмүүс их бий. Тэдэн дотор дээр үеийн “Дүнжингарав” чуулгын дуучид ч бий. Манайхныг Тоотынхон гэдэг. Тоот гэж алдартай уртын дууч хүн байсан юм билээ. Тэгэхээр миний хувьд удам залгаж яваа дуучин гэж боддог.

-Удмын олон дуучдын шийрийг хатаасан дуулах дуртай хүү байжээ дээ?

-Багаасаа дуулах дуртай байсан. Дуулахаасаа өмнө сургуулийнхаа гар бөмбөгийн тэмцээнд их оролцдог байлаа. Гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй тамирчин. Бүжгийн тэмцээнд их орно. Хөгжим бас тоглодог байсан. Нэг удаа сумынхаа “Өвлийн хишиг” наадамд дуугаар оролцож түрүүлээд тэрнээс хойш дуулдаг болсон. Яг дуулж эхэлсэн үе гэвэл аравдугаар ангид орсон жилээ Хэнтий аймгийн хэмжээнд зохиогддог байсан “Яргуй” наадам, “Хүүхдийн урлагийн их наадам”-д оролцоод түрүүлж байсан. Голдуу “Никитон” хамтлагийн Бачкагийн “Эгчмэд бүсгүй”, ”Никитон дуулж байна” гээд л нэлээд хэдэн дууг нь дуулдаг байлаа. Урлагийн наадамд оролцохдоо алт, мөнгө, хүрэл гээд бүх медалийг нь аваад уйгагүй явдаг байжээ.

-Гэргий чинь хаанахын хүн байна?

-Манай хүн чинь аймгийн төвийнх. Эхнэртэйгээ анх зургадугаар ангиасаа үерхсээр ханилсан. Хүүхдийн “Яргуй” наадамд анх очихдоо танилцсан гээд бод доо. Одоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт эм зүйчээр ажилладаг. Бид хоёр чинь дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Марал маань одоо есдүгээр ангид сурч байна. Надтай нөгөө “Ухаан, цэцэг хоёр” дууг бага байхдаа дуулсан даа. Манай хүүхдүүд чинь дуулахын бөөн хоббитнууд л байдаг юм. Саяхан сарын өмнө бага хүү минь төрсөн.

-Аав охин хоёр ч “Ухаан, цэцэг хоёр”-ыг уяртал, уймартал дуулсан шүү?

-“Ухаан, цэцэг хоёр” дууг анх Монголын хүүхдийн ордны хүүхдүүдтэй дуулсан. Дараа нь сэдэв, утга нь их хөөрхөн ая нь наалдацтай энэ дууг охинтойгоо дуулж үзье гэж шийдээд анх нэг кино концертон дээр дуулж байсан. Миний охин чинь аавынхаа тоглолтыг зурагтаар үзэхдээ дагаж дуулдаг, намайг гэртээ бичлэг тавиад сургуулилт хийж байхад урдуур хойгуур гүйгээд, заримдаа дуурайж дуулж байгаад ихэнх дууг маань сурчихсан байсан. ”Ухаан, цэцэг хоёр” дууг дуулснаас хойш энэ дуу бид хоёроор овоглогдох болсон доо. Энэ дуу ямар ч клипгүй байж байгаад, кино концертоор олонд хүрсэн.


Categories
мэдээ цаг-үе

Гурван улсын багш нарын форум болов

Нийслэлийн тэргүүний 48 дугаар сургуулиас санаачилсан ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ы ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын форум Монгол Улсад болж байгаа билээ. Нийт дал гаруй сурган хүмүүжүүлэгч оролцсон эл форумд Өмнөд монголоос 20, Улаан-Үд хотын арван багш оролцож байгаа аж. Сансарын 48 дугаар сургууль 132 багштайгаас дийлэнх нь эл форумд оролцож байгаа бол ӨМӨЗО-ы Шулуун хөх хошуунаас Цэнгэлт тэргүүтэй зургаан багш өчигдөр хүрэлцэн ирээд байлаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улаан хад аймгийн Хишигтэн хошууны Бяруу дахь монгол үндэстний дөрөвдэх бага сургуулийн хичээл-хүмүүжлийн эрхлэгч С.Хастуяа, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын 43 дугаар сургуулийн захирлын нийгмийн ажилтны орлогч, буриад хэлний багш Аюушеева Ариюна Михайловна нартай уулзаж ярилцлаа.



С.Хастуяа: АМАР ТӨВШНИЙ ХИЧЭЭЛЭЭР СУРАГЧДЫГ БИЕ ДААЛГАЖ СУРГАДАГ

-Хастуяа та хэд дэх жилдээ багшилж байна?

-Би 2007 онд Өмнөд Монголын Үндэсний дээд зэргийн тусгай мэргэжлийн сургууль төгслөө. 2008 оноос багшилж одоо аравдахь жилдээ ажиллаж байна.

-монголчууд “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг ард түмэн. Өмнөд монголд маань ямаршуухан арга барилаар хүүхдүүдээ сургаж байна?

-Манай сургууль Улаанбаатарын дунд сургуулиудыг бодвол өглөөнөөс орой болтол долоон цагийн хичээл ордог. Хятад, монгол, англи хэлний хичээлүүд, тооны ухаан, биеийн тамир, дуу хөгжим зэрэг олон хичээлийг ордог. Бас сурагчдын дур сонирхолд тохируулаад олон багш нарын авьяас чадварыг шавхсан хичээлүүдийг заана. Монгол Улсын 48 дугаар сургуультай харилцаа холбоотой дөрвөн жил ажилласнаар эднээсээ бас их зүйл сурч, туршлага суралцаж байна. Энэ сургалтаас манай орны багш нар маш өндөр үр ашиг олж байгаа.

-Олон гадаад хэлтэй, компьютерийн өндөр мэдлэг, боловсролтой хүн бэлдэхээс илүү хүнлэг хүн бэлдэх нь чухал гэх болж. Өмнөд Монголын боловсролын салбарт энэ талаар аль хэр анхаарч байгаа бол?

-Манайд моралийн болон амар төвшний хичээл орж байна. Моралийн гэхээр та ёс суртахууны хичээл гэж ойлгож байгаа байх. Хүүхдэд багаас нь биеэ даах чадвар суулгах хичээлүүд ч орно.

-Амар төвшний хичээл гэж ямар хичээл байна?

-Сурагчид гэртээ харих замдаа ч юм уу, хичээлийн завсарлагын үеэр ч юм уу, сургуулийн хүрээндээ биеэ яаж авч явах, ямар нэгэн аюул ослоос хэрхэн сэргийлэх тухай хичээл юм. Үүнийг ангийн багш нар сурагчдад нэг бүрчлэн зааж хэвшүүлдэг.

-Манай сургуулиудын хувьд зарим нь гурван ээлжээр ажиллаж оройны хорин цаг гэхэд тараагүй байх тохиолдол ч байна. Танай сургууль гэхэд хэдэн ээлжээр ажиллах вэ?

-Манай сурагчид өглөө 07.40-д хичээлдээ ирнэ. Арван таван минутын турш сургууль дээр цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээ хийсний дараа дахин 15 минутын турш уртын уншлага хийдэг. Үдийн өмнө монгол хэл, хятад хэл, англи хэлний хичээл орно. Хичээл бүхэн 40 минутаар явагдана. Үдийн амралт 11.50-14.00 цаг хүртэл үргэлжилнэ. Үдээс хойш 14.30-17.30 хүртэл хичээллээд амарна. Үндсэндээ тийм ээлж гэж байхгүй л дээ. Гаригийн долоон өдөртөө хоёр өдөр амарна.

-Сурагчид чинь их л тавлаг суралцдаг юм байна. Төлбөр гэж байх уу?

-Төлбөр гэж ямар юмыг хэлж байна?

– Сурагчид чинь сургуульдаа мөнгө төлөх үү?

-Хичээлийн хэрэгсэл сурах бичгээс ямар ч төлбөр сурагчдаас авахгүй. Бүгдийг улсаас даана. Сурагчдад тийм шийтгэл хэзээ ч оногдуулдаггүй. Идэх хоол ундыг хүртэл төрөөс олгоно.

-48 дугаар сургуультай дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллаж байгаа юм байна. манай сурагчдын онцлог юу байна?

-Монгол сурагчид багш нартайгаа маш илэн далангүй харилцдаг. “Монгол бахархал, өв соёл”-ын хичээл дээр сууж үзлээ. Энэ хичээл гэхэд зөвхөн дууны хичээл биш, ганцхан цагийн дотор маш олон зүйлийг сурч мэдэж байгаа нь анзаарагдлаа.

-Өмнөд монголд монгол хэлний яруу сайхныг бахархуулсан инжаннаши, на.сайнцогт, Артай, дулаан нарын уран үгсийн инжаанууд олноор мэндэлсэн. тэднийхээ зохиол бүтээлийг шавь нартаа аль хэр өвлүүлж байна?

-Манай Өмнөд Монголын Сургаан хүмүүжлийн төвөөс монгол хэлт зохиолч, яруу найрагчдын бүтээлийг монгол бичгээр дэвтэрлэн хувилж өгдөг. Нэгдүгээр ангиас их сургууль төгсөтлөө л бараг энэ өндөр зэрэглэлийн зохиолчдынхоо бүтээлийг уншиж судалдаг.

А.М.Арюуна: БУРИАДЫН ЗОХИОЛЧДЫН БҮТЭЭЛИЙГ АХЛАХ АНГИАС НЬ ОРДОГ

-Ариунаа багш та монгол Улсад ирээд гурван улсын форумд оролцож буйд баяр хүргэе.

-Би Монгол Улсад хоёр дахь удаагаа ирлээ. Эхний удаад худалдаа наймаа сонирхож ирж байсан бол өнөөдөр гурван улсын сургуулиудын форумд оролцож байгаадаа баяртай байна. Олон улсын “Цайны зам” фестивалийн хүрээнд манай Буриадын олон багш мэргэжилтнүүд Монгол Улсад ирж байдаг. Багш нар маань сурагчдаа авч их ирдэг л дээ. Бид сая ирээд Чингис хааныхаа үүсгэн байгуулсан эртний Монголын нийслэл Хархоринд очиж, жинхэнэ монгол малчин айлд зочилж, далай мэт сайхан сэтгэлийг бахадлаа.

Улаан-Үдийн 43 дугаар сургууль хэдэн сурагчидтай бол?

-Манай сургуулийн сурагчдын тоо жил бүр өсөж байдаг. Энэ жил гэхэд 954 хүүхэдтэй хичээллэж байна. Нийт 44 багштай.

-Танай сургуульд монгол сурагчид байна уу?

-Монгол сурагч одоогоор байхгүй байгаа.

-Та өөрийгөө буриад хэлний багш гэлээ. Сургалтын хөтөлбөр тань Оху-ынхаар явах уу, буриад хэлээр явагдах уу?

-Манай сургалтын бүх хөтөлбөр орос хэлээр явдаг. Буриад хэлийг л ганцхан буриадаар орно. Бусад нь бүгд ОХУ-ын боловсролын стандартын дагуу явна. Бүхий л албан ёсны зүйл оросоор явдаг даа.

-Буриад хэлээр зохиол бүтээлээ туурвисан намжил нимбуев, дондог улзытев, Амарсанаа улзытев гээд маш олон зохиолч яруу найрагчид бий. тэдний бүтээлүүдийг эх хэлээр нь заадаг болов уу?

-Тавдугаар ангиас есдүгээр анги хүртэл буриад хэлний үсгийн дүрмийн хичээл ордог. Есөөс арваннэгдүгээр анги хүртэл уран зохиолын хичээл орохдоо зохиолч, яруу найрагчдын бүтээлээс заана. Хичээлээс гадуурх уншлага ч ордог. Уран зохиолын хичээлийг долоо хоногт хоёр цаг заах хөтөлбөртэй.

-Аливаа эрдэм мэдлэгээс илүү хүмүүнлэг байх нь боловсролын мөн чанар гэж үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид үздэг. Буриадын сургуулиудад энэ талаар ямар үзэл баримтлалтай байдаг бол?

-Манай сургуулийн бүх хичээлүүд хүмүүнлэгийн ухаантай холбогддог. Ганц сайхан шад шүлэг ч байсан тухайн хичээлд шигтгээ болгож холбож өгдөг. Хөгжмийн хичээл орсон ч л аль сайхан бүхнийг шингээж өгөхийг боддог.

Та аль сургууль төгсссөн билээ?

-Улаан-Үд хотдоо дунд сургууль төгсөөд Багшийн сургуульд элсэн суралцаж, Буриад улсын их сургуулийг дүүргэсэн дээ.

Гэрэл зургуудыг Г.БАЗАРРАГЧАА

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд Монголын “Талын дуу хоолой” радиогийн захирал Б.Баясгалан: Улаанбаатарын зээлээр явахад халх аялга маш уянгалаг, яруу сайхан сонсогдсон

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын “Талын дуу хоолой” радиогийн захирал Буяннэмэхийн Баясгалантай уулзаж хөөрөлдлөө.


-Монгол Улсад та хэдэн удаа ирж байна?

-Монгол Улсад би олонтаа ирсэн. Хамгийн анх 2003 онд ирж байлаа. Тэр үед ямар сайхан сэтгэл цагаан, найрсаг олон түмэн бэ гэж гайхаж байсан. Хамгийн сайхан нь Улаанбаатарын зээлээр явахад бүгдээрээ монголоороо ярьж байгаа нь маш сайхан санагдаж байлаа. Халх аялга маш уянгалаг, яруу сайхан сонсогдсон. Хятад орны аливаа нэг томхон шиг хотод бүгдээрээ монголоор ярьдаггүйг та нар маш сайн мэднэ. Олон үндэстэн холилдон суудаг болохоор дан ганц монголоор ярих ямар ч боломж байхгүй шүү дээ. Би энэ удаагийнхтайгаа бараг арван хоёр удаа ирж байгаа юм уу даа. Үндэсбат дарга тэргүүтэй ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаныхан бид судалгаа хийж, туршлага судлахаар хүрэлцэн ирээд байна. Ирсээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид гуайтай уулзлаа.

-“Талын дуу хоолой” радиогийн тухай яриач?

-Манай “Талын дуу хоолой” радио Монгол Улсын “Шинэ долгион-FM 107.5” радиотой хамтарч ажилладаг, энэ сувгаар нэвтрүүлгээ сонсогчдод хүргэдэг. Бид Өмнөд Монголын элэг нэгтнүүдээ Монгол Улсын ахан дүүст танин мэдүүлэх зорилготой. Монгол Улсын сэтгүүлчид өнгөрөгч зун манай нутагт айлчилж Өмнөд Монголын түүх, соёл, урлаг, спорт, ард түмний амьдрал, эдийн засгийн хөгжилтэй танилцсан. Энэ бүхнийг Монголын ард түмэнд танин мэдүүлэх нь сэтгүүлч бидний үүрэг юм.

-Танай радио Монголын агаарын долгионоор цацагдаж байна. Монгол Улсын сонсогчид танай редакцид хэр их хандаж байна?

-Манайх өдөрт найман цагаар монгол нэвтрүүлэг цацаж байна. “Талын дуу хоолой” зургаан цагийн нэвтрүүлгийг бэлддэг. Үлдсэн хоёр цагт нь “Энх мэндийн хөөрөг” хэмээх нэвтрүүлгийг “107.5”-д ирэн ажилладаг хоёр сэтгүүлч болон тус радиогийн хөтлөгчид гүйцэтгэдэг. Эд маань Улаан-баатарт болон Монгол Ул-сад ажиллаж амьдарч буй өмнөд монголчуудынхаа тухай яриа хөөрөө хийж сонсогчдод танилцуулдаг. Өмнөд Монголын “Солонго” сэтгүүлийн агуулгыг танилцуулна. Зөв хооллохуй, эрүүл амьдрахуйн нэвтрүүлэг ч явуулж байна. Хөх хотоос бэлдсэн арван минутын мэдээг ч дамжуулна. “Үзэсгэлэнт сайхан нутаг ус” гэсэн нэвтрүүлэгт Өмнөд Монголын ганган байгаль, уул ус, жуулчлалын байгууллага, ард түмний зан заншлыг танилцуулна. “Соёлын алтан тулга” гэхэд овог өвөг нэгт нийт монголчуудынхаа түүх, дурсгалыг дээдэлсэн нэвтрүүлэг. Өнгөрөгч зун Ц.Оюундарь тэргүүтэй Монголын сэтгүүлчид очихдоо эртний хааны ордны Асар хөгжмийн чуулга, Юань улсын дээд нийслэл Шандуд очиж түүх, соёлын олон сайхан дурсгалтай танилцсан даа. “Ардын урлаг, аман билиг” гэсэн нэвтрүүлэг бий. Монголчуудын ногт чөдөр зангидахаас өгсүүлээд олон сайхан соёл зан заншил, ардын дууг таниулдаг хөтөлбөр байна.

-“Талын дуу хоолой”-г тал нутгийн монголчуудад зориулсан олон сайхан нэвтрүүлэгтэй радио гэж ойлгож болох нь ээ?

-Өмнөд монголчууд маань халх, буриад монголчуудтай адил дууч, бүжигч ард түмэн. Ардын сайхан уртын дуу, богинын дууг нэвтрүүлдэг “Тэнгэрлэг эгшиг” гэсэн нэвтрүүлэг байна. “Солонго” нэвтрүүлэг маань ая дуу, утга зохиол, мэдээллийг ерөнхийлөн нэвтрүүлдэг. Энэ бүгдээс Монголын сонсогчдод хамгийн их таалагдаж буй нэвтрүүлэг бол “Эрүүл биед саруул ухаан оршино” гэсэн нэвтрүүлэг юм.

-Эрүүл мэндийн нэвтрүүлэг байх нь ээ дээ?

-Энэ хөтөлбөрийг “Талын дуу хоолой” үүдээ нээж, өрхөө сөхсөн тэр өдрөөс Өмнөд Монголын олон улсын эмнэлгийн хороотой хамтран хийж эхэлсэн. Манай оронд нэр цууд гарсан олон сайн эмч нар шууд нэвтрүүлэгт оролцдогоороо онцлог. Эмч нартай амьд холбоо барьдаг. Энэ хөтөлбөрийг цаашид улам сайжруулах бодол байгаа. Монголчууд бид хэдийгээр үндэс нэг, зан заншил нэг боловч үг аялгын хувьд ялгарах, мэргэжлийн үг хэллэг зөрөх тохиолдол байна. Эмч нар маань өөрийн аялгаараа “үе гишүү” гэх мэтээр ярихад халхын сонсогчид маань ойлгохгүй байх нь бий. Гэтэл, энд үе мөч гэж ярьж байна шүү дээ.

-Нэр томьёо, авиа аялгууны тийм зөрүү ч нэлээд байгаа байх шүү?

-Эмчилгээний онцлогийг илтгэсэн нэр томьёо хэцүү. Босоо монгол бичигт байхгүй шинэ нэр томьёо ч гарч ирнэ. Хятадаас хөрвүүлсэн нэр томьёог гэхэд халхууд маань ойлгохгүй тохиол байна.

-Радио бол дуудлага авианы зөрөө ихтэй бол сонсогчид нь үргэчих гэмтэй салбар. Тиймээс энэ бэрхшээлийг яаж эерүүлж байна?

-Тиймээс “Талын дуу хоолой” радио Монголын радиогийн сэтгүүлч, хэл шинжлэлийн доктор, нэрт яруу найрагч Лханаагийн Мөнхтөрийг урин ажиллуулж байна. “Одон” телевизэд нэг цагийн хөтөлбөр бэлддэг Одончимэг гэж мэргэжилтэн Монгол Улсын “Сансар” кабелийн телевизээс уригдаж очин ажиллаж байна. Энэ хоёр мэргэжилтэн маань иймэрхүү үг авианы зөрүүтэй зүйл дээр хоёр орны гүүр болж байгаа гэхэд болно.

-Монгол Улсад ирээд анх хаана очиж үзэв?

-Дархан-Уул аймгийн Хонгор суманд вагоноор явж очиж байлаа. Аравдугаар сарын сүүлийн цас бороотой үе байсан ч сэтгэлд их л сайхнаар үлдсэн юм даг. Газар дэлхий шаргалтаад л, навчис алтраад, өвс бэлчээр онгоноороо байгаа нь, уулын өндөр хяр дээр сарлаг харагдаж байсан нь хүн байгалийн цогц үзэсгэлэн шиг санагдаж байсан. Ярих юм бол олон байна л даа. Тэр үед манай нутагт хорхог гэдэг хоолыг үндсэндээ мартчихсан байлаа. Одоо бол өмнөд монголчууд маань бүгд мэддэг ч, иддэг ч болсон шүү дээ. Хонгор сумын Чулуунхишиг гэдэг жуулчны баазтай малчин нөхөр бидэнд их сайхан үйлчилж байсан юм даг. Бороо цасанд нороод жаахан ядраад очсныг ч хэлэх үү, тэр хорхог ёстой сайхан байсан. Тэр үед би тоглоод бусдадаа “Дэлхий дээр хамгийн амттай хоол манай Монголд л байдаг юм” гэж байсан даа.

-Одоо ч Өмнөд Монголд хорхог, хуушуурыг их хийдэг болсон байна лээ дээ?

-Бүр их хийдэг болж. Эртний сайхан энэ монгол идээн умдаан, зоог гүнцгийг бидний үед уламжилж авчирсан халхынхандаа бид яриангүй баярлах ёстой. Өмнөд Монголд хоолон гэрт хорхог, хуушуур хийдэг болсон. Манай гэрт гэхэд эхнэр маань хүртэл хуушуур хийчихнэ. Гэхдээ эндхийн тосонд нь шарсан хуушууртай бас адилгүй шүү. Тогоон дотроо багахан тосонд хийж эргүүлж урвуулж байгаад хийж байна. Шарвин гэдэг шүү дээ.

-Тантай Өмнөд Монголоор явж байхад ахуйн соёлоос илүүтэй оюунаараа асар баялаг хүн шиг санагдсан. Б.Ринчен, Д.Нацагдорж, Б.Явуухулан, Р.Чойном нарын Монголын зохиолч яруу найрагчдын бүтээлээс гадна Хятад, Өмнөд Монголын олон зохиолч найрагчдын шүлгийг цээжээр уншиж байгаа нь бахархал төрүүлсэн шүү. Энэ хос хэлний буян уу?

-Та намайг дэндүү их өндөр өргөж байна. Үнэнээ хэлбэл надад яруу найргийн авьяас их хомс. Багаасаа хүүрнэл зохиолд их дурлаж байлаа. Бид багадаа монгол бичгээрээ анх бичиж сурсан. Далаад онд Соёлын хувьсгал гээч аюултай юм болж, бидэнд монгол ном олдох нь ховордсон. Тэр үед “Талын түүдэг” гэдэг зохиол нууж уншдаг байлаа. Дунд сургуульд орсны хойно Хятадын сонгодог утга зохиол “Гурван улсын үлгэр”, “Ши Хүйгийн үлгэр”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Улаан асрын зүүд” зэрэг номуудын орчуулгыг уншдаг байлаа.

Тэр үед ханз үзээгүй болохоор бид хятадаар ном уншиж чаддаггүй байсан. Сүүлд их сургуульд 1981 онд ороод ханз үсэг заалгаж, уран зохиол унших хэмжээнд сурсан. Сурах бичгээс Да.Нацагдоржийн “Хуучин хүү”, Цэндийн Дамдинсүрэн, Бямбын Ринчен нарын сайхан зохиолуудыг уншдаг байлаа. Манай Өмнөд Монголын Малчинхүү, А.Одсэр, Б.Бүрэнбэх, Артай, Лигдэн нарын бүтээлүүд, утга зохиолын “Өнөр цэцэг” сэтгүүлийг амтархан уншдаг сан. Соёлын хувьсгалын үед утга зохиол их эрсдэлд орсон ч намайг оюутан байх үед Хятадын утга соёлын сэргэлт болсон юм шүү. Р.Чойном, Д.Пүрэвдорж нарын шүлгийг цээжээр уншдгийн хувьд гэвэл хөндлөн монгол үсгээр компьютерт бичиж сурахын тулд уншсаар нэг л мэдэхэд унших их дуртай болсон байсан. Энэ миний халх аялгаа сайжруулах бас нэг арга болсон юм даа.

-Та ингэхэд аль нутгийн монгол билээ?

-Би Өмнөд Монголын Тунло хотын Жаруд аймгийн хүн. Хуучнаар Жирмийн аймгийнх. Жаруд гэдэг маань өвөр таван халхын нэг аймаг юм билээ. Халхаас өмнөшөө нүүдэллэн Хянганы даваа даван одооны нутагтаа очсон аймаг. Түүхийг нь яривал эрт дээр үедээ Алтайн нуруунаас зүүн тийш нүүж ирсэн байдаг. Би хиян овогтон “бүдүүн” Сангийн ач, Буяннэмэхийн хүү юм. Ээжийг маань Хүү-Дагуул гэдэг хүн байлаа. Олон охинтой айлын хүүхэд учраас бэлгэшээж хүү дагуулаарай гэж ийм нэр өгсөн юм билээ.

-Өмнөд монголчууд маань ургийн бичиг сайн хөтөлдөг учраас овог аймгаа сайн мэдээд байх шиг санагддаг?

-Манайхны зарим нэг бичиг соёлтой сурвалжит айлууд гэрийн цадиг гэж бичиг хөтөлдөг. Энэ бараг Хятадын нөлөөнөөс уламжилсан зүйл байх. Хятадууд чинь гуч дөчин үеэ биччихсэн байдаг юм шүү. Гэрийн цадиг гэдэг нь орчуулгын зүйл байх. Манай тэнд хоёр хүн ураглахад Ургийн баталбар гэж нэг юм авна. Танай энд чухам юу гэж нэрлэж байна.

-Гэрлэсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа ч гэж нэрлэдэг шүү.

Categories
мэдээ цаг-үе

Монголын урлаг, соёлын түүчээ С.Бадралынд

Монголын мөнгөн үеийн яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ гэж гайхамшигтай “амьтан” байлаа. Болд-Эрдэнэ ах маань үе үе “Бадрал анд” гэж ярина. С.Бадрал Баянхонгор аймгийн Баянговь сумын найман жилийн дунд сургуулийг 1979 онд төгссөн хүн. Бадрал ах таван сартайдаа Баянговь суманд өвөө Пэрлээжамцындаа очиж байсан юм билээ. Бадрал гэдэг хүнийг багаар бодож болсонгүй ээ. Өвөөгийнхөө нэрийг “Үйлсийн далай” гээд орчуулах жишээтэй. Тэгэх нь ээ, Пэрлээжамц гэдэг нь далай лам нарын нэг дүрийнх нь нэр гэнэ. Эмээ нь доржхорол. Эмээгийнхээ нэрийг Очирхүрдэн гэж хэлж байна. Эндээс харахад энэ С.Бадрал гэдэг хүн нуруу намхан ч эрдэм өндөр хүмүүн аж. Өвөө нь Баянговь сумын зочид буудалд тогоочоор ажиллаж байгаад зээ хүүгээ гурван нас хүрэхэд Их Богд уулын өвөр Цагаан голын Дунд хар хошууны орчимд нутаглах болсон юм байна. Бадрал хүү энд л хөлөө сайртаж хужирттал тоглож өссөн юм. С.Бадрал 2009 онд энэ л төрсөн нутагтаа 20 гаруй оюутан шавь нараа дагуулан очиж эрдмийн ажил хийжээ. Тэр л үед Баянхонгорын Баянговийн их яруу найрагч Ванхүүгийн Батбаярын төрсөн бууц Цоохорын нуруугаар очиж эрхэм андаа санагалзан тэнгэрийн дор зогссон гэдэг.

Бадрал багш ер зүгээр байдаггүй хүн бололтой. Саяхан гэхэд шавь нараа дагуулаад бурханч лам Пүрэвбатын байгуулсан Аглагийн хийдээр ороод иржээ. Шавь нараа жилд хоёр удаа уран зургийн дадлагад гаргадаг гэнэ. Монгол Улсын төрийн шагналт, ардын зураач, профессор Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуульд 1993 онд багшилснаас хойш ная гаруй уран барималч төгсгөсөн байна. Түүний шавь нар гэвээс нэрт барималч, соёлын тэргүүний ажилтан Алтаншагай, Багшийн дээд сургуулийн номтой хөшөө болон Б.Ширэндэвийн хөшөөг хийсэн Эрдэнэсайхан, БНСУ-ын Чендү хотноо зохиогдсон олон улсын дүрслэх урлагийн наадмын тэргүүн шагналт “Монгени” цогцолбор сургуулийн багш калиграфич Ц.Тамир, Шведэд Land art бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан Д.Батхолбоо, Догшин ноён хутагт Данзанравжаагийн хөшөөг бүтээсэн “Шинэ Яармаг” хорооллын менежер Д.Ганбаатар, төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөн дээр ажилласан Х.Мөнхтүвшин, Хэнтий, Дорнод, Дорноговь, ӨМӨЗО-нд алдар цуутай хүмүүсийнх нь хөшөөг барьсан Т.Даваасамбуу нарын олон барималчид байна. Бадралын шавь Н.Цогмагнай Хэнтий аймгийн Дэлгэрхаанд алдарт уяач Сүрэнхорын хээр азарганы хөшөөг босгосон нь өнөө ч олон түмний нүдийг баясгасаар.

Шавь У.Цолмонхүү нь гэхэд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх нийслэл хотын макет баримлыг хүрлээр цутгасан гээд бод доо. Бадрал багшийн шавь нар гадаадын олон сургуульд суралцсан байдаг. БНСУ-ын Сөүл хотод Ө.Одхүү, Ромд Б.Цагаадай, Флоренцид Пүрэвхүү, Австрийн Венад Б.Очироо нар магистрт суралцаж төгсчээ. Хөх хотод Энхбаяр, Бүрэнжаргал, Анхмаа, АНУ-ын Чикаго хотод Энхтамир, Хөвсгөл аймагт Б.Бат-Эрдэнэ, Баянхонгор аймагт С.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймагт Даваацэрэн, Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад Т.Батдэлгэр нар ажиллаж байна. Мөн “Сити” их сургуульд Б.Цагаадай, “Орхон” бүрэн дунд сургуульд Д.Наранжаргал, “Монгени” сургуульд Х.Эрдэнэсайхан, ШУТИС-д С.Мөнхзаяа, Хүүхдийн урлан бүтээх төвд Т.Даваасамбуу, Г.Санчир нарын шавь нар нь ажилладаг юм байна.

С.Бадрал шавь нартайгаа гурван жилд нэг удаа хамтарсан үзэсгэлэн гаргаж иржээ. 2013, 2017 онд МУЭ-ийн танхимд үзэсгэлэн гаргаж цомог хэвлүүлсэн байна. Түүний хоёр дахь төгсөгчид 2019 онд уг үзэсгэлэнг хариуцаж гаргахаар болжээ. Бадралд магистр болоод бакалаврын шавь нар маш олон. Өмнөд Монголоос гэхэд ес дэх шавиа төгсгөх гэж байна. ОХУ-ын Буриадаас магистрт суралцаж байгаа нэг нөхөр байна аа. Тэр нөхөр бол Буриадын ардын зураачийн хүү шүү дээ. Японд дээд сургууль төгссөн гэж байгаа. Аавынхаа ч үгэнд орохгүй байсан энэ нөхрийг мань Бадрал л урлагийн замд хөтлөн оруулжээ. Бадрал Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хааныг бурханчлан шүтдэг юм билээ. Тэрээр “Хубилай их богдын өв судлалын төв”-ийг байгуулсан байна.

Одоогийн Баянхонгор аймгийн говийн сумд буюу Сайн ноён хан аймгийн урд хэсэг Хубилайн нагац өвөө Жаха хамбугийн төрөлх нутаг байжээ. Тиймээс С.Бадрал 2016 онд Баянговь сумын сургуулийн 70 жилийн ойд зориулан Хубилай хааны цээж хөшөөг сургуулийн үүдэнд босгожээ. Үр хойчоо Хубилай сэцэн шиг эрдэмтэй хүн болоосой гэж тэр хүсчээ. “Жа-гийнхан жалгын нэг” гэдэг үгийг Бадрал л гагц тайлж чадах биз ээ. Чингис хааны ач Мөнх хааны төрийн их заргач Мөнхсаруул ноён Жа овогтон байж. Энэ тухай Оросын эрдэмтэн Рерих судалгааны бүтээлдээ бичсэн байдаг ажээ. Бадрал энэ сургуулийнхаа босгоор арван зургаан настайдаа анх алхан орж эдүгээ тавь гаруй насалтлаа орж гарч л явна.

Бид Бадрал багшийн баримлын өрөөгөөр орлоо. Гуравдугаар курсын П.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар морины баримал дээр ажиллаж байна. Морь ерөнхийдөө хоёр хөл дээрээ зогсдоггүй гэнэ ээ. Бадрал үүнийг шавь нартаа хэлж байна. Тэгснээ “Хүмүүсийн нэг талаас нь хардаг юмыг би мянган талаас нь харж сурсан” гэж Францын агуу их сэтгэгч Вольтер хэлсэн юм шүү гээд инээж байна. Энэ Бадрал нуруу намхан боловч сэтгэлгээ өндөр нөхөр ажээ. “Уран зураач, барималч хоёр хоёулаа л яруу найрагч. Гэхдээ уран барималч хэзээ ч шог хошинг тэвчдэггүй” гэж ярьж байна. Өндөр гэгээн Занабазар аль эрт 5D-г бүтээсэн хүн гэнэ. Үнэн биз дээ, бид юугаа мэдэхэв. Барималч хүн эрхи имэрч байгаа юм шиг ариун нандин бүхнийг эрхэмлэж байдаг болохоор зүрх судас нь ер өвдөггүй гэнэ. Бадрал багшийн ярианаас нэг их сонин юм сонсов. Барималч хүн караказ буюу баримлын загвараа барихдаа тооцоотой байхгүй бол нам дарагддаг гэнэ дээ. Жишээлбэл, Лениний хөшөөг барьж байсан нэг нөхөр загвараа буруу босгосноос шавартаа даруулж үхсэн гунигт түүх байдаг юм байна. Уран барималч хүн хэзээд завгүй байдаг аж. Анзаараад байхад шавартаа зууралдсан энэ нөхдийг их л заваан гэж бодож байсан юм. Гэтэл энэ шаварчид хамгийн цэвэрч хүмүүс ажээ. Яагаад гэвэл баримлаа барьчихаад дараа нь шууд гараа угааж цэвэршдэг аж.

С.Бадрал Ленинградын уран зургийн академи төгссөн хүн. ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Лениний шагналт, ардын зураач М.К.Аникушины гарын шавь болсондоо өнөө ч бахархдаг. Багш нь Пушкин, Есенин, Блок нарын хөшөөг босгосон юм билээ. Ленинградад хөгжмийн зохиолч Глинк, агуу их Айзовский, Пушкины хайрт гэргий Наталья Гончарова нарын алдарт хүмүүсийн шарил бунханд Монголын их яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ, Бадрал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нар үе үе очиж хүндэтгэл үзүүлдэг байжээ. Бадрал багшийн энэ сайхан ярианд автаж шавь нарынх нь бүтээлийг сонирхоод бид Дашчойлин хийдийн баруунтайх гэрт нь зочлов. Гэргий нь Завхан аймгийн Ургамал сумын гаралтай Д.Уранбилэг гэж Туулын хөвөөнд өссөн Яармагийн охин ажээ. Бадрал ханиа анх 1980 онд гандмал ягаахан пальтотой байхад нь харсан гэдэг. Долоон жилийн дараа тэр хоёрын хооронд ямархан сайхан ертөнц бүрдэхийг хүний хорвоо мэдсэнгүй ээ. Нутгаа санаад л найз охиндоо захиа бичнэ ээ. “Хоёр охин, нэг хүүтэй боллоо” гэж ирээдүйн гэргийдээ бичиж байсан нь одоо бодоход үлгэр ч юм шиг. Бадралын Ленинградын андууд гайхамшигтай хүмүүс байлаа. Монголын ерээд оны мөнгөн үеийн яруу найрагчдын түүчээ Жамьянгийн Болд-Эрдэнэ, “Хөх зул” номоо гаргасан Л.Энх-Амгалан нарын сайхан сэтгэлтнүүд түүнийг хүрээлж байв.

Уранбилэг тэр хоёр хань ижил болоод үрийн сайхан аав ээж болцгоожээ. Ууган охин Цагаадай 1989 онд, удаахь үр Билгүтэй 1992 онд, отгон хүү Боданчар 2000 онд төрсөн юм билээ. Яг үнэндээ үр ач нарынх нь нэрээс өгсүүлээд л маргах юм зөндөө л байсан. Боданчар гэдгийг тэнгэрийн хүү гэж тэр тайлбарлаж байна. Түүний хоёр охин гартаа уртай гайхалтай үрс ажээ. Охин Билгүтэй “Гоёо” компанид загвар зохион бүтээгч. Охин Цагаадай “Сити” их сургуульд багш. Хүү Боданчар “Шинэ Монгол” сургууль төгсөөд ШУТИС-ийн компьютер графикийн ангид элсэн орсон. Отгон хүү авьяасын сав хоосонгүй гэнэ. Боданчар Японд болсон олон улсын хүүхдийн зургийн уралдааны анимейшн төрөлд шилдэг бүтээлийн тэргүүн байр, “International Modern Artist association”-ын Ерөнхийлөгч Мацуда Такаакийн шагнал, арван мянган иен хүртсэн байна.

Урнаа эгчийн хувьд “Ямааны ноолуур, тэмээний ноос боловсруулах туршлагын үйлдвэр”-т мастераар ажиллаж байжээ. Энэ үйлдвэр одоогийн Жаргалсайханы “Буян” компани юм билээ. Бадрал докторыг Монголын оюун санаа, зан үйл, нууц тарнийн олон номын эхийг хадгалсан гайхамшигт цуглуулагч гэдгээр нь монголчууд андахгүй. Түүний цуглуулгад Чингис хаан, Хубилай хаан, Галдан бошигт хааны нууц номууд ч байдаг юм билээ. Чингис хааны цагаан сүлдний сахиус тэднийд байна. “Монголын нууц товчоо”, “Хөх судар”, “Судрын чуулган”, “Өндөр гэгээний түүх” хэмээх сайхан бүтээлүүд нүдний хараанд өртөж байлаа. Бадрал докторын өчнөөн сайхан номыг үзэх бүр ном унших соёлыг би дэндүү гайхамшигтай мэдрэв. Тэр хүн хөх, улаан балаар тэмдэглэнэ. Номын арын хуудсанд тусгай тэмдэглэл хөтөлнө. Өндөр гэгээн, Манлай баатар Дамдинсүрэн, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал нарын бүхэл бүтэн үзэсгэлэнгүүд түүнд бий. Сүхбаатарын Бадралын аль сайхан цуглуулга, эрдмийн ажлыг та бүхэндээ хэлж барах билээ дээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН