Categories
мэдээ цаг-үе

Боролдой С.Мягмар: Өнөөгийн хүний нэг муу тал нь өөрийгөө ерөөсөө голохоо байчихаж

Түрүүч нь №261(5828) дугаарт

Image result for Боролдой С.Мягмар

Олон түмнээ “Боролдой” хэмээх овгоор танигдсан найруулагч, зураач Содномпилийн Мягмартай хөөрөлдлөө.

-Одооны хүмүүсийн яс чанар муудаж, залуус их тэвчээргүй болж гээд шүүмжлэх зүйл нийгэмд их байх шиг. Нэр алдартай хүмүүс хар тамхи татлаа, зодоон цохион хийлээ гээд элдэв ярианы бай их болох юм?

-Бид ардчилалд орж байгаа тэр үедээ сайн муу бүгдийг мэдэж л байсан. Ардчилал гэдэг чинь хүн төрөлхтний ололт, их сайхан юм. Тэр үед гадны нэг хүн “Та нар ардчилалд ороход сайнтай муутай нь авна. Ардчиллыг та нар ДОХ-той нь авна шүү. Чөлөөт зах зээлтэй нь, хүний эрх, эрх чөлөөтэй нь авна. Гэхдээ дээрэм тонуул, ядууралтай нь авна шүү” гэж хэлж байсан. Тэр үед чинь ард түмэн тэгтлээ ядуурчихсан байгаагүй бүгд жигд амьдралтай байлаа. Баячуудын хүүхдүүд хар тамхи татах, эсвэл бүр ядуу хүний хүүхэд хар тамхинд орно гэдэг бол ерөөсөө л энэ нийгмийн араншин. Гэхдээ бид энэ ардчиллыг нэг буруу л авчихсан юм даа гэсэн нэг хүний үг бий. Ардчиллыг бид авахдаа дээр нь жаахан монгол маягаар сэтгэчихсэн бол, хоорондоо зөв зохицчихсон бол болчих байсан юм, энэ Хятадыг хар даа гээд байсан юм. Одоо Хятадыг харсан чинь нийгмийн их сонин байгууламж яваад байна шүү дээ.

-Хятад ч социалист баримжаатай капиталист нийгэмд орчихлоо шүү?

-Хүн ард ядраагүй, зовоогүй. Ядуурлын тоог хэдэн зуун саяар нь буулгасан ийм л нийгэмтэй болчихсон. Бид нийгмийн замналаа сонгохдоо нөгөө монгол сэтгэлгээгээ хаяад хэдэн нөхөд огцомхон гадаад маягаар аваад явчихсан гэсэн бодол төрөөд байдаг юм.

Бид маш том алхсан. Агуу их эрх чөлөөнд хүрсэн. Энэ эрх чөлөөгөө бид зөв эдэлж чадах уу, үгүй юу гэдэг л байгаа юм. Ер нь монголчууд гайхалтай эрх чөлөөтэй ард түмэн. Нүүдэлчид шиг эрх чөлөөт ард түмэн байдаггүй шүү дээ. “Болор цом”-ын хошой шагналт яруу найрагч Цэндийн Чимэддоржийн шүлэгт гэхэд “Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулаад мартчихдаг…” гээд биччихсэн байдаг биз дээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Агуу эрх чөлөө шүү дээ. Би үүнтэй холбоотой “Сүүлчийн нүүдэлчин” гээд нэг уран бүтээл хийх гэж байгаа. Ж.П.Сартрын “Огиудас” гэж зохиол байдаг.

-Та тайзнаа тавиа биз дээ?

-Тавиагүй ээ. Тэр зохиолоор нэг жүжиг хийнэ. Одоо бүр огиудас хүрээд байдаг болчихож.

-Утаанд хахаж цацаад уу?

-Хөгжим сонсох, орчин үеийн уран зураг харахаар арай гайгүй гэсэн санаатай юм, тэр жүжиг. Нээрээ тоглоомгүй саяын тэр Хурцын үйл явдал, энэ Ц.Нямдоржийн байж байгаа, энэ хэдэн юмнуудын аяглаж байгаа, 65-уулаа байж намаа хагалж байгаа бүхэн огиудас хүрмээр. Энэ бүхэн ард түмэнд их муухайгаар тусдаг. Ер нь л огиудас хүрмээр байна. Огих гэхээр утаанаас болоод огьж ч чадахгүй л байна л даа.

Related image-Огьж ч чадахгүй яваа та одоо ямар алба ажил эрхэлж байна?

-Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Удирдах зөвлөлд байгаа. Би чинь хууль гаруут л энэ байгууллагын анхны ерөнхий захирлаар ажиллаж байлаа. Зургаан сарын дотор бүх бичиг баримтыг нь сайхан янзалж өгсөн. Дараа нь найман сар ажиллаад ажлаа өгсөн. Миний ажил биш юм байна лээ. Тэнд насаараа ажилласны хувьд тодорхой хэмжээгээр тус болох ёстой л гэж бодсон. Төрөөс хараат бус байх сэтгэлээр очсон.

Хэзээ ч хараат бус болохгүй юм байна лээ. Нэг нөхөр орж ирж хүчиндчихээд өглөө нь нэрээ ч хэлэхгүй гараад явчихдаг л юм билээ. Нэрээ бас хэлж болно оо доо. Ажил хийлгэхгүй, хөгжүүлэхгүй, үймүүлдэг. Сая хэд хоног бас л үймүүллээ. Ерөнхий захирлын оронд очих хэд хэдэн хүний нэр тодроод цүнхтэй мөнгө барьж гүйгээд, бидэн рүү таньдаг хүнээрээ өдөрт хэдэн арван удаа яриулаад, албан тушаал амлаад баллаж өгөх юм. МҮОНРТ нэлээд хэдэн тэрбум төгрөгийн төсөвтэй байдаг юм.

-Тэр их төсөв чинь л хорхойг нь гозолзуулж байна даа?

-Тэр хүмүүс өөрсдийгөө ерөөс голохгүй юм. Өнөөгийн хүний нэг муу тал нь өөрийгөө ерөөсөө голохоо байчихаж. МҮОНРТ чинь Монголын оюун санааны төв болсон соён гэгээрүүлэгчдийн өлгий шүү дээ. Энд би Удирдах зөвлөлийн гишүүнээр ажил-лаж байхдаа нэг сайн үйлс бүтээмээр байгаа юм. Социализмын үед урлаг соёл, телевиз, киноны мэргэжилтэн бэлтгэхээр намар намарт вагон вагоноор нь явуулдаг байсан юм. Гурван вагонд битүү сууж аваад Москва руу гардаг байлаа ш дээ. Энэ их давалгааг үргэлжлүүлэх юм сан гэж боддог. Цэдэнбал-Филатова бол урлагийн хүмүүсийг удам хөөж сургуульд явуулдаг байсан. Сэвжидийн хүү Сүхбаатарыг шууд дуудаад сургуульд явуулдаг. Хуурч Жамьян, агуу их удирдаач, хөгжмийн зохиолч Чулууны хүүг гэх мэтээр урлаг соёлынхныг бүхий л төрлөөр нь үр хүүхдүүдийг нь сургуульд томилдог байж. Тэгж Монголын урлагийн алтан үе чинь бий болсон юм. Авьяас удам дагадаг. Удам дагадаггүй юм аа гэхэд тэр айлд эдийн болоод оюун санааны их өв цуглачихсан байдаг. Ядамсүрэнгийн хүү Үржнээд аавынх нь бүхий л уран бүтээл болоод эд хэрэглэл нь үлдэнэ ээ дээ. Одоо Хурцад хадгалагдаж байгааг чи харсан уу. Гайхамшигтай зургууд, судалгааны ажлууд, үнэтэй бурхан тахилууд гээд гайхамшигтай өв байгаа юм чинь.

-Авьяас удамшдаг гэлээ. Танай хүүхдүүд ч бас мундаг шүү?

-Боролдойг маш сайн уран бүтээлч гэж хэлж болно. Миний дэргэд маш олон реклам хийсэн. Реклам гэдэг бол секундээр хэмжигддэг. Үг богино байхдаа жинтэй байдагтай адил авьяас богино байхдаа авьяас болдог. Боролдойг би тусгайлан бэлдсэн. Хятад, орос, англи гурван хэлтэй. АНУ-д суралцаж, БНХАУ-д Театр киноны академи төгссөн хүн. Сэтгэлгээ өөр. Боролдойн ах Ангараг шаггүй зураг авна. Тэгэхээр ийм хүмүүсийг л Монголдоо бэлдэх юм сан гэж мөрөөдөөд байгаа юм. Би ганцыг бэлдэх өөр хэрэг. Улсын төрийн бодлогоор бэлдэх хэрэгтэй. Театр, киноны уран бүтээлч болох сэтгэлтэй, мастерт сурчих хүн байвал надад хандаж болно гэж танай сониноор дамжуулж хэлье. Гадаадын өчнөөн олон Засгийн газрын тэтгэлгийн дөнгөж арав хорин хувийг ашиглаад бусдыг нь бид үхүүлээд байна.

-Боролдой Мягмар гэхээр л бортогон малгай духдуулсан нөхөр санаанд ордог. Арваннаймдугаар зууны Европын язгууртны дүр төрх үзүүлж жүжиглээд байгаа ч юм шиг санагдах юм?

-Хүн ер нь өөртөө нэг имиж бүрдүүлэх ёстой юм. Баабарын дээлтэй зургийг танай сонин мөнхжүүллээ ш дээ. Хүн бүхэн өөрийн имижтэй байвал зүгээр. Гэхдээ “Бандааш” гэдэг имижтэй болчихвол муу л даа. Би зураач хүн. Нэг мэдсэн чинь миний имиж надад зохьж харагдсан. Өөр хүн миний малгайг өмсөж чаддаггүй. Надад бортогон малгай зохьдог. Дотоод хүний минь эрэл хайгуулд ч их зохьдог.

-Та жүжгээс гадна дэлгэцийн урлагт хүч сорихгүй юм уу?

-Хоёр гурван кино хийх гээд бэлтгэлдээ орж байна. Франц зохиолчоор киногоо бичүүлж авлаа. Арай л өөр юм. Хийх киногоо Каннын фестиваль энэ тэр рүү дөхүүлэх санаатай. Сая Турк явж оператор, дууны инженерээ тохироод ирлээ.

-Юун тухай кино байх вэ?

-Манай Монголын нүүдлийн агуу том соёл бий. Одоо хүн төрөлхтөнд том асуудал болоод хувирчихсан үхэх эрхийн тухай кино юм. Амьд явахын эрхийн тухай бид маш их ярьдаг. Үхэх эрхийн тухай өчнөөн маргаад гарах шийдвэр байдаггүй. Гэтэл монголчууд үхэх эрхийг ямар агуу хүнлэг бөгөөд энэрэнгүй шийдээ вэ. “Өөх үмхүүлэх ач” гэж бий дээ.

Image result for Боролдой С.Мягмар-“Сүүл үмхүүлэх ач, сүү амсуулах охин” гэдэг байх шүү?

-Нүүдэлчин хүн уулын мухарт, усны холд амьдарч байгаа үед нүүдлийн ая даахаа болин өвдөж зовон, өтөлж доройтсон хүн хэд хоноод ямар хэрэг байна.

-Америкийн их зохиолч Жек Лондоны зохиолд гардаг индиануудын отог дээрээ хаяад явдаг ёс ч бас эвгүй шүү?

-Тэр чинь бидний л ёс. Гэхдээ манайх нүүдлээр хаяж зовоодоггүй. Япончууд шиг ууланд хөөж гаргаад, үүдэн шүдийг нь цөм цохиод хоол идэх аргагүй болгож хаядаггүй. Зүгээр л сайхан өдөр, цагийг нь хараад, хамаатан саднаа цуглуулаад сайн ачийн буянаар хахаж үхнэ гэдэг сайхан. Цагаан хурганы сүүлэнд цадаж үхэж байна шүү дээ. Тэрнээс өлсөж үхээгүй л байхгүй юу. Тэр хүн буян заяагаа эдэлж өөх үмхэж үхэж байна. Энэ л гоё. Энэ бол аюултай мундаг сэдэв. Би цөөхөн кино хийнэ ээ. Тэгэхээр энэ киноны сэдэв өнөө цагт асуудал болоод явчихаж байгаа юм. Киноны маань зохиолч ирээд манай хууль, шүүхийнхэнтэй уулзаад “Энэ монголчууд чинь ямар агуу философитой юм бэ, ямар их ухаан нь тэлчихсэн юм бэ” гэж шагшраад буцсан. Европт бол энэ аюул болно. Зөндөө олон түүх байдаг даа. Нэг эмч олон хүнийг өөрсдийнх нь хүсэлтээр алчихсан байж гэнэ гээд шуугьж л байсан даа. Хөөрхий зайлуул, саяхан нэг хөгшин хүн өсвөр насны жоохон охиныг оролдоод шоронд орлоо ш дээ. Энэ киногоор бодоход, тийм хүнийг жижигхэн охинтойгоо гэртээ орхичихоод малаа туугаад явбал яахав. Тэгэхээр тэр хүн өөх үмхэх цаг нь болчихсон л байгаа байхгүй юу.

-Эвгүй л жишээ дурдаж байна шүү, та?

-Тийм шар сэмжилчихсэн хүнийг тэгээд одоо яах юм, байлгаад байх юм уу. Тэр хүн дотуураа сэтгэцийн тийм өвчтэй байвал яах юм. Тэгэхээр өөх үмхүүлнэ гэдэг агуу энэрэнгүй юм. Гэтэл үүнийг хүн алсанд тооцоод байдаг. Өвөг дээдэс минь ийм л энэрэнгүй ёс заншилтай байж. Манай нэг хуульч нэг сонин юм ярьж байгаа юм. Энэ тохиолдол бол ямар ч хохирогч байхгүй зүйл гэж. Манай франц зохиолч Симон үүнийг л их энэрэнгүй юм гэж гайхаад байгаа юм. Би бас нэг хүндэт зохиолчоос нэг зохиол бичээд өг гэж гуйгаад л байгаа.

-Ямар кино билээ?

-Хүн хүндээ хандах хандлагын тухай юм даа. Нэг япон хүүхнийг манай нэг адуучин залуу хүчирхийлчихэж. Нөгөө хүүхэн ч яахав, жуулчны зааврын дагуу мэдэгдчихээд нутаг буцаад явчихаж. Гэтэл хүүхэнд нөгөө залуугийн байсан байдал, тэр сайхан үнэр танар, тэр гайхамшигт авиа, унаган байгалийнхаараа хүч тэнхээ бодогдоод болихоо больж. Тэсэлгүй дараа жил нь хүрээд иртэл адуучин залуу шоронд орчихсон байгаа юм. Нөгөө адуучин залуугийн найзууд нь нөгөө хүүхнийг чинь нэг нүдээрээ ч үздэггүй. Орчин үеийн хүний хүн чанар ингэж алдагдаж байгаа тухай юм. Хүн чанар гэдгийг би зөвхөн харилцаан дээр ярихгүй байна. Хүн чанар гэдэгт бүх зүйл багтдаг цогц асуудал. Хүний чанарын тухай яриад байгаа болохоос хүн чанар гэдэг сэтгэлийн тухай яриагүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Боролдой С.Мягмар: Эрх мэдэлтнүүд хуулиар хуяглах үедээ хирсжиж эхэлдэг

Олон түмнээ “Боролдой” хэмээн танигдсан найруулагч, зураач Содномпилийн Мягмартай хөөрөлдлөө. Бортогон малгай, өвөрмөц сэтгэлгээгээрээ онцлог эл эрхэм дэлхийн олон сайхан жүжгийг “Black box” театрынхаа тайзнаа тавьж байсан юм.


-Танаас асуух зүйл маш их байна. Тухайлбал, Боролдой гэж таныг ялгамжилдаг өргөмж эцэг эхээс тань заяасан овог биш юм байна лээ шүү дээ?

-Ер нь би өдий насны өндөрлөгөөс эргэж харахад дөрөв таван зүйл хийжээ. Улс оронд болоод улс орны эдийн засагт хэрэгтэй, улс орны улс төрийн амьдралд нэлээд чухал, өөртөө ч бас тустай зүйлүүдийг хийсэн. Энэ дотроос хэрэгтэй, одоо хүртэл нийгэмд нэн их шаардлагатай, монгол хүн төлөвшин тогтнож, монголоороо байх, орчлон ертөнцөд монгол хүн өөрийн гэсэн өнгө төрхтэй байхад нэн чухал хэрэгтэй хүүхэлдэйн кино гэж зүйлийг бий болгосон юм байна. Оюутан байхдаа “Боролдойн цаг” гэдэг дипломын ажил хийсэн. “Өвгөн, арслан хоёр” хэмээх хүүхэлдэйн киногоо энэ үед бүтээсэн. Үүнээс болж “Боролдой” хэмээх үгээр овоглогдож.

-“Өвгөн, арслан хоёр”-ын зохиол нь ардын уран зохиолч Тангадын Галсангийн бүтээл бил үү?

-Т.Галсангийн бүтээл мөн л дөө. Арваад хүүхэлдэйн кино хийсэн маань тун дажгүй болсон. Энэ кинонуудыг гадаадад ажиллаж, аж төрж буй монголчууд маань “Хүүхдийн хэл, соёлд их тус болж байна. Өгөөч” гэж их ярих юм. Одооноос цахим орчинд тавьдаг юм бил үү гэж бодож байгаа.

-Ямар кинонууд билээ?

-Яг бие дааж хийсэн “Шаазан заан”, “Анхны ав” гэх Америкийн уран бүтээлчтэй хамтарч хийсэн хүүхэлдэйн кино байна. Наяад онд чинь Америктай хамтрах байтугай дайсан шахуу л байсан даа. Оростой хамтарч хийсэн “Арван хоёр жилд хулгана орсон нь” гэдэг кино бий. Уул нь арван хоёр жилийг хийчихвэл хүүхдэд их тустай юм сан. Тэгвэл хүүхдүүд жилээ харж баярлаж бахархах нь зайлшгүй. Хүн чинь төрсөн жилээ их хайрладаг шүү дээ. Гэвч, хувьсгалд оролцож, улс төрийн реклам хийж давхиад амжсангүй. Хоолоо олж идэх гээд цаг хугацааг нэлээд алдчихаж.

-Таны Боролдой овог ч тэгвэл ажил албатай чинь салшгүй холбоотой юм байна. Нөгөө бахархлууд нь юу байна?

-Хоёрдахь том ажил нь реклам их хийжээ. Монгол орон чөлөөт эдийн засагт шилжээд гаднаас бараа таваар авчирсан анхны дэлгүүрүүд бий болж эхэлсэнтэй холбоотой. Үндэсний анхны хөрөнгөтнүүд болох “Монхангай”-н Сэргэлэн, “Номин”-гийн Баярсайхан, “Женко” группийн Баттулга нар төрж гарлаа даа. Эд байгууллагынхаа анхны рекламыг надад захиалж хийлгэж байлаа. Эдний эдийн засгийн өсөлтөнд нэлээд тус дэм болжээ. Тэрний нэг “Женко ланд” гэж реклам байна. Х.Баттулгын анхны бизнес “Саятан” сугалааны реклам, үсчний газар, “Холливуд” баар зэрэг газруудын сурталчилгаа байна. Ерөнхийлөгч “Саятан” сугалаагаар маш их задгай мөнгө цуглараад хурдан хаахгүй бол нурж унаад байсан гэж ярьсан байдаг чинь үнэн. “Номин”-гийн Баярсайхан гуравдугаар хороололд лангууныхаа ард зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдана. “Миний дэлгүүр”-ийн сүлжээ тэр чигээрээ, “Чингис шар айраг” гэхэд “Ам цангав” гээд цойлоод орж ирж л байлаа. Чин зоригт “Малчин” компанийн эзэн Чинзориг гэхэд надаар рекламаа хийлгэж байсан. “Малчин” компанийн бизнес бол сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон ажил. Хөдөөгийн залуусыг соёлтой байлгах, юм үзэх, усанд орох, индүү нь нарны эрчим хүчээр ажиллах гээд их сайхан сэтгэлтэй монгол бизнес.

-Монгол бизнес гэдэг ч бас содхон үг байна шүү?

-“Танайд хоноё” гэдэг чинь жинхэнэ монгол нэвтрүүлэг байгаа юм. Дэлхийн өөр улс оронд хаана ч баймгүй нэвтрүүлэг. Германд ч юм уу, хаа нэгтээ “Танайд хоноё” гэвэл гайхаад хачин юм болно оо доо. Гэтэл Монголд “Танайд хоноё” гэвэл “Тэг” л гэнэ. Нүүдэлчдийн сэтгэлгээнд тохирсон яг монгол нэвтрүүлэг. Тэрэнтэй адил хөдөө аж ахуйдаа таарсан монгол бизнес юм даа. “Зиг заг”-ийн Зоригоо гэдэг ухаалаг сайхан залууд “Наалдан пад”-ыг хийж өгч байлаа. “Наалдан пад”-аас дараа жил нь болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Энэ рекламанд “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үг орж ирсэн. Энэ үг “Монголчууд, эвтэй байхдаа хүчтэй” болж хувираад нэр дэвшигч Намбарын Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч болж байсан.

-Ингээд таны улс төрийн пиар эхэлжээ дээ?

-Реклам, пиар хоёр маш товч байхыг шаарддаг. Хүний сэтгэлийн гүнд орж байгаа тэр товчхон агуулга нь монгол хүний сэтгэлийг хэрхэн хөдөлгөх вэ гэдэг зүйл. Монгол хүний сэтгэлийг францын гайхалтай өндөр үнэтэй, сайхан хоол хийж таваглаад хөдөлгөхгүй. Харин тарган сайхан үхрийн хавирга чанаад дээр нь сонгино, сармис тавьчихсан байхад ямар ч монгол хүний сэтгэл хөдөлнө. Менталатит гэдэг чинь энэ шүү дээ.

-Тэр нь юу гэсэн үг билээ?

-Энэ бол ухаандаа үндэсний оюун санааны онцлог юм. Оюун санааны онцлогийг мэдрэх хэрэгтэй. “Наалдан пад” гэхэд л монгол ардын үлгэр шүү дээ. “Салан пад, наалдан пад” гэдэг үлгэрийг санаж байна уу?

-Юу билээ, байз?

-Ноёны ааш муутай хатан, цэцэн хүү хоёр гардаг даа. Багадаа өвөөгөөсөө үлгэр сонсож байсан минь намайг утга зохиолын жаахан мэдлэгтэй байх зам руу хөтөлсөн юм. Намайг утга зохиолын амт шимтэнд оруулсан утга зохиолын багшдаа маш их баярладаг. Намайг үймүүлээд байхаар багш минь яг урдаа суулгачихаад зохион бичлэг хийх нэг сэдэв өгчихнө. Дөчин таван минутанд би одоогийнхоор нэг эсээ маягийн юм бичнэ. “Гутал” гээд гарчиг өгчихөд би гутлын тухай сэтгэж эхэлнэ. Тэгэхгүй л бол үймүүлчих гээд болохгүй. Одоо дунд сургуульд уран зохиолын хичээл маш бага ордог болсон нь манай хүүхэд залуусын ирээдүйд их хохиролтой харамсалтай зүйл болж байна. Үүнийг үндэсний оюун санааны хоосрол ч гэж хэлж болно. Уран зохиолын хичээл бага ордгоос сэтгэлгээний цар хүрээ нь тэр хэмжээгээр багасчихлаа.

-“Уншихаа боливол сэтгэхээ болино” гэдэгчлэн нээрээ л харамсалтай зүйл болж байна шүү?

-Утга зохиолын нэг уралдаанд би шүүгчээр суулаа. Бүүр таг европ зохиол орж ирж байна. Дүрүүд нь гэхэд Эльпи энэ тэр гэсэн дан гадаад нэртэй. Номынх нь нэр хүртэл “Торн Хиллийн ой” гэсэн гадаад нэртэй. Торн Хиллийн ой гэж Монголд л лав байхгүй. Энэ яадаг хүүхэд юм бол гээд уншсан чинь зохиолоо сайн бичсэн байна. Тэгэхээр үндэсний сэтгэлгээний байдал хөөрхийлөлтэй болсон нь харагдаж байгаа хэрэг биз.

-Та улс төрийн реклам их хийсэн биз?

-Энэ хоёр том намд хоёуланд нь ажиллаж үзлээ. Миний нэг зорилго байсан нь намууд өөрийнхөө рекламыг хийхэд хүнд. Яагаад гэвэл намын гишүүн хүн өөрийнхөө намын дутагдлыг, зан төрхийг хэзээ ч олж хардаггүй. Өө согогийг нь гаднаас л олж хардаг. Тэр нь ч илүү үр дүнтэй. Сая Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболд нэр дэвших шийдвэр гарахаас өмнө надтай таарсангүй. Хэрвээ шийдвэр гаргахаас нь өмнө уулзсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд битгий ор л гэх байсан.

-За, яаж байгаа нь тэр вэ?

-Яагаад гэвэл нөхцөл нь тийм байдалд хүрчихсэн байсан. Нэг талаас МАН-ын хэт өндөр амжилттай ялалт, нөгөө талаас саналаа илүү давамгайлж өгдөг хотод хүн ам их төвлөрчихсөн нөхцөлд, ард түмний амьдралын чанар доройтсон энэ цаг үед М.Энхболдыг яагаад ч сонгохгүй байсан л даа. Улс төрийн пиар хийсний дараа нэг хэцүү юм байдаг. Нөгөөдүүл чинь амласандаа хүрэхгүй, утаа нь хэвээрээ үлдээд, улс төрийн утаа нь ч уугиа л эхлүүт сэтгэлээр их унадаг юм л даа. Бид чинь ард түмэнд оюун санааны гүүр болж явдаг юм шүү дээ. Гэвч, аливаа бүхэн үр дүн муутай байна. Ардчилал маань өдрөөс өдөрт бүдгэрлээ.

-Та чинь театрт ажиллаж байсан гэдэг байх аа?

-Театрт олон жил ажилласан. Манай гэр бүл театр, киноны хүмүүс.

-Аав тань театртай холбоотой байсан юм уу?

-Манай аав Содномпил гэж жолооч хүн байлаа. Хамгийн хүнд ачааг аймгуудад тээдэг тусгай жолооч гэх юм уу даа. Зүгээр тааралдсанаа ачуулдаггүй, нөхөр Пилээр бол том хэмжээний юм тээвэрлүүлдэг байж. Цахилгаан станцын тоног төхөөрөмж, том том ёмкостууд, шатахууны сав, хөргөгч, үйлдвэрийн том машин механизмууд ачдаг, ямар ч байсан гүүрээр явдаггүй л хүн байсан. Тэр том машиныг нь гүүр даахгүй ш дээ. Нэг хөдлөхдөө 120-150 тн ачна. Бага байхдаа машиных нь дугуйг тоолсон чинь гучин зургаан дугуй л хөдөлж байсан юм даг. Чиргүүл энэ тэр нэмэгдвэл дөчин хэдэн дугуй өнхөрнө. Өөрөө ч том биетэй хүн байлаа. Дархан аварга Түвдэндоржтой мөрөөрөө тулж өссөн хүн.

-Түвдэндорж аваргатай нэг нутгийн хүн байв уу?

-Үгүй ээ, нутаг биш, зүгээр үерхэж байсан юм. Их сайхан монгол, эртний баатар шиг бахархмаар сайхан амьтан байж. Театрын тухай яриандаа ороход, гэргий Одончимэг минь театрын судлаач хүн. Тиймээс бид “Black box” буюу “Хар хайрцаг” театраа байгуулсан. Энд тавьж байгаа жүжгүүдийн бодлого бол хүний хийсвэр сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар руу оруулсан бүтээлүүдийг онцолж тавьсан. Энэ манай улсад орвонгоороо хаягдсан байсан. Монголчууд бид социалист реализмын замаар бат нот давшиж явлаа шүү дээ. Нэг өдөр тэр зам дуусчихсан. Тэгээд хаашаа ч явж чадахгүй мухардалд орж их харанхуй үе эхэлсэн. Дэлхийн урлагийн түүхэнд 1950-иад онд эхэлсэн абсурд, авангард урлаг гэж байна. Реализм цэвэр бодит байдалд ханддаг. Социалист реализм бол социалист хүний хэв шинжит дүрийг бий болгох, социалист байгуулалтад уриалан дуудах, коммунизмыг байгуулахад эрч хүч өгөх гэх мэтийн уриатай. Бид хүний нийгэмд бий болсон асар том хоёр урсгалын нэгийг эзэмшиж, тэр тойрогтоо л бүжгээ хийж байсан болохоос нөгөө талд нь юу байдгийг мэддэггүй, мэдэхгүйгээр барахгүй үзэн яддаг байв даа.

-Нэг ёсондоо хоёр мэлмийн нэг нь боолттой явжээ гэж ойлгож болох нь ээ?

-Империалист, хөрөнгөтний урлаг нэрийн доор үзэн яддаг байсан. “Энэ буржуй урлаг” гэж нэрлэдэг байсан гээч. Би Багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн багшийн анги төгссөн зураач, дараа нь Кино урлагийн дээд сургуульд киноны анги дүүргэсэн зураач, найруулагч хүн болохоор тэр рүү өнгийж харах бодол дотроо хадгалж явлаа. Ингээд абсурд төрлийн арван хоёр жүжиг тавьсан. Тэрэн дотор Ионескогийн “Хирс” гээд нэг жүжиг байгаа юм. Бүх хүн хирс болж хувираад байдаг. Хирс бол төрүүтээ л байгалийн жамаар үхэхээс, гаднын халдлагад үхэхгүй болчихдог хамгаалалт, дархлаатай амьтан. Өөрийгөө хуяглачихдаг. Хирсийг өөр амьтан идэж чадахгүй хуягтай, бууны сум нэвтэлж чадахгүй шахуу зузаан арьстай. Хирсэнд бусад амьтан халдаж байхыг чи харсан уу?

-Зурагтаар амьтны ертөнц харж байхад л арслангууд араас нь зүүгдээд байхад л тоодоггүй амьтан байна лээ.

-Арслангууд төмсөг хавьцаа нь зуувал зууна. За, бараг л бариулахгүй дээ. Нэг ёсондоо хирс дийлдэшгүйн нэг бэлгэдэл байгаа юм. Хирсний тухай дэлхийн урлагийн томчууд маш олон уран бүтээл туурвисан байдаг юм. Зураач Сальвадор Дали хирсний эвэр дээр мордчихсон хүүхний зураг зурсан. Хирсжих үзэгдэл гэж нийгэмд байна. Хирсээр юуг төлөөлүүлсэн бэ гэхээр эрх мэдэлтнүүд хуулийг бий болгох, хуулийг эзэгнэх үедээ өөрийгөө хамгаалж, хуяглаж, хирсжиж эхэлдэг. Хамгийн том жишээ нь “УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ баригдаагүй бол…” гэсэн заалт бий байх аа.

-Тийм заалт бий шүү?

-Тэр чинь хирсжиж байгаа нь тэр. Тэр чинь УИХ-ын гишүүд өөрсдийгөө хамгаалж, хуяглаж байгаа нь тэр. Мөн үү?

-Мөн.

-Тэгээд хирсний сүрэг чинь идэш хоол нь өөр, юунд ч өртөхгүй болоод Зайсангийн хавьцаа амьдраад эхэлж байна шүү дээ. Тэгэнгүүт Долоон буудлын хүмүүс хирсний сүргийг хараад “Ямар гоё юм бэ” гээд эхэлж байна. Дэлхий дээр үлдсэн сүүлчийн ганц эмэгтэй холоос тэр сүргийг хараад “Хирс гэдэг амьтны чинь хүүхэд нь ямар сайхан, хөөрхөн юм бэ” гэж дуу алдан шогширч байгаа юм. Чи бод доо, хүн төрөлхтний эх болсон эмэгтэй хүн өөрийнхөө хүүхдийг хирсний хүүхдээс долоон дор муухай гэж харж эхэлж байна. Гэтэл өнөөдөр амьдрал дээр яг л ийм байгаа. Бид нэг гүүр даваад, хоёр гүүр даваад харвал тэдний хоол хэчнээн гоё гэж сананаа. Дөрвөн зуун тавин мянган төгрөгийн үнэтэй нэг килограмм махыг тэд Японоос авчирч идэж байна шүү дээ.

-Өвлийн идэшний үнэтэй мах иддэг хирснүүд юм байна даа?

-Үнэхээр тэр сайхан амьдрал руу ормоор байгаа юм. Орохын тулд яахав. Хирсжих ёстой, хуяглах ёстой. Тэгэхийн тулд яах ёстой вэ. Намд элсэх хэрэгтэй. Тэгэхийн тулд том хирсний цүнхийг нь барьж гүйх учиртай. Авсан авлигаа намдаа тушаах хэрэгтэй. Сонгуульд асар их мөнгө цутгах ёстой. Тэгж байж нөгөө эрх мэдлээ авна. Томоохон эрх мэдэл авуут түүнийг хирсжиж байна гэж үзэж болно. Энэ тухай жүжиг байхгүй юу. Энэ мэт арван хоёр жүжиг тавилаа. “Хатагтайн айлчлал” байна. Энэ бүхэн миний бахархам уран бүтээлүүд. Манай театр ердөө нэг зуун үзэгчтэй. Жүжиг тоглолоо гэхэд зуугаад хүн ирнэ. Тэгээд бол оо.

-Манай сэтгүүлч, яруу найрагч Намсангийн Пагма танай жүжгүүдийг их үзсэн дээ?

-Зохиолч Ойдовын Содномпил гэж хүн их үзнэ. Тэдэн шиг урлагийн өндөр мэдрэмжтэй маш цөөхөн үзэгчтэй хүн би. Тэгэхдээ би эднээрээ бахархдаг. Манай театрт орж ирсэн ямар ч хүн чимээгүй болчихдог. Бид Беккетийн “Годог хүлээхүй” гэдэг жүжиг тавьсан. Тайзан дээр гурван цаг чалчиж байхад тэсээд сууж чаддаг үзэгчид надад байдаг юм. Манай нэг үзэгч жүжиг дууссанаас цагийн дараа залгахад “Мяагаа ах аа, би юм ярихаас дургүй хүрээд байна” гэж байгаа юм. “Яасан бэ, миний дүү” гэхэд “Таны найруулсан жүжгийг үзчихээд хүнтэй ярих нь байтугай, утсаар ярих хүртэл тээртэй байна. Би тэр гурван цагийн дотор хүн гээч ямар хоосон, худлаа чалчдаг новшнууд вэ гэдгийг ойлгосон” гэж байгаа юм. Тэр жүжиг чинь гурван цаг чалччихаж байгаа юм чинь, нэг юм хүлээгээд. Годо нь бурхан ч юм уу, буг ч юм уу, амьтан ч юм уу, эсвэл аврагч ч юм уу, бүү мэд. Нэг л юм хүлээгээд байгаа юм. Өнөөдөр бидний амьдрал яг тийм байгаа. Юу хүлээгээд байгаа юм, мэдэхгүй. Тэгэхдээ л хоол олж идээд л, амьд байгаа л байна. “Чи яах гэж хоол олж идээд байгаа юм бэ, үхье л дээ” гэхэд “Үгүй, нэг сайхан болох байлгүй дээ” гэж дөрөв дөрвөн жилээр хууртагдаад байдаг.

-Монголын театрын урлагт ч та аргагүй л шинэ чиг хандлага оруулж ирсэн шүү.

-Би И.Нямгаваа найруулагчтай гар сэтгэл нийлж их ажилласан. Нөгөө талд Доржсамбуу найруулагч, Төмөрхуяг хоёр сайн ажилладаг байсан. Наяад онд шуугиулж байсан жүжгүүдийг хийсээн. Өөрийнхөө амьдралыг эргээд харахад хүүхэлдэйн кинонуудаа, театрын жүжгүүдээ хийсэн байна. Ер найруулагч талынхаа юмыг сайн хийж. Пиар, олон нийттэй харилцах ажил хийнэ гэдэг найруулга юм. Тэр чиглэлээр кино хийж байгаатай адилхан юм. Тэр киноны гол дүр өрөвдмөөр, хайр хүрмээр байж иргэд түүнийг сонгуульд сонгоно шүү дээ. Тэр сериаль дотор хүмүүс сонголт хийж байна. Саяын Ерөнхийлөгчийн сонгууль бол адал явдалтай детектив, мафийн сэдэлтэй триллер маягийн, аймшгийн талдаа, аюултай сериаль байлаа. Тийм биз?

-Таныхаар тийм байх аа?

-Хүмүүс арван найм хоног тэр киног үзээд “Май чи, май чи” гээд дууссан чинь монгол хүн нэг нэгийгээ үзэн ядах, эрлийз хүнийг үзэн ядах үзэл бий болсон. Гэтэл эрлийз хүнийг үзэн ядах нь зөв юм уу, буруу юм уу. Бид чинь өөрсдөө ертөнцийн эцэг хүмүүс шүү дээ. Цагтаа ертөнцийг эзэгнээд, цагтаа ертөнцийг хүчирхийлж байсан хүмүүс шүү дээ.

-Монголын эрлийзүүд дэлхийгээр л нэг байгаа шүү дээ. Чингис хааны гентэй арван зургаан сая хүн байна гээд байгаа биз дээ?

-(Учиргүй их инээв. сур) Ийм үзэлтэй, их муухай киног бид сая Ерөнхийлөгчийн сонгуулиар үзсэн. Ер нь атгаг санаатай хүмүүс найруулаад, хамгийн гол нь кинонд орох хэсгүүдийг худалдаж авч байсан нь бүүр аймшигтай. Бичлэг энэ тэр гээд байгаа чинь бүгд наймаа шүү дээ. Үнэнч шударгасаад, баясаад байх юм үүнд ерөөсөө байхгүй. Хэнд худалдах вэ гээд зарлаад явж байхад нь мөнгөтэй хүмүүс авчихсан. Намаасаа урваж байгаад өгчихсөн. “Аархал” маархал чинь эзнээсээ урваж байгаад худалдсан тохиолдол биш үү. Амьдрал муу байх тусам ийм бохир наймаа өргөжнө. Одоо би олон нийттэй харилцах ажлын сайн талыг олж харж чадахаа байлаа. Улам заваарлаа. Балиартлаа. Айлын хүүхэд дээшээ харж уйлаад, дөрвөн мөчөөрөө тэлчлээд байх нь цаанаа нэг зэвүүн байдаг даа. Эрхлээд ч байгаа юм шиг, зодчихмоор муухай загнаад байдаг. Зодох гэхээр нөгөө элдэв хангайн эрх нь алга болчих гээд байдаг. Тийм л нөхцөл байдалд байна. Үүнийг олон нийттэй харилцаж байгаа пиарчид, хүмүүс бас бодох хэрэгтэй.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

Мэлмийн чимэг, сэтгэлийн баясгаланг бүтээгчдийг нэгтгэсэн Монголын урчуудын эвлэл хэмээх их айл

Шинэ Монголын утга соёлын амьдралын салшгүй нэг хэсэг болсон Монголын урчуудын эвлэлийн 75 жилийн ой энэ онд тохиож байна. Шинэ Монголын дүрслэх урлагийн түүх 1921 онд “Марзан” хэмээх Балдуугийн Шарав “Уриа” зургаа зурснаас үүдэлтэй гэж хэлж болно. Өнгөрөгч зууны хориод оноос дэлхийн хоёрдугаар дайн хүртэл Монгол Улсын түүхэнд урлаг соёлын байгууллагууд маш их үүрэг гүйцэтгэжээ. Дэлхийн их дайны гал дүрэлзэж байсан 1942 онд манай ахмад зураач д.Чойдог, Ү.Ядамсүрэн, О.Цэвэгжав нарын нэрт зураачдын үүсгэл санаачилгаар МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улсын уран сайхны хүрээлэнгийн харьяа Зураг урлалын газар нэртэй байгууллагыг байгуулсан нь 1946 онд дүрслэх урлагийн газар болон өргөжин тэлж, зураг баримлын тасагтай болж урлах эрдмийн олон төрлөөр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж эхэлжээ. Улс орны тусгаар тогтнол, хувь заяа шинэ тулгар энэ л үед ард түмнийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, ирээдүйн гэрэлт тэмүүлэлд уриалахад уран бүтээлчдийн сэдэв чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Тухайн үеийн төр засгийн бодлогыг таниулах, дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхахад уран бүтээлчдийн бийрийн үзүүр, бэхийн өнгийг нийлүүлэн улмаар 1955 онд Монголын урчуудын эвлэлийн анхдугаар их хурлыг хуралдуулж Монголын урчуудын эвлэлийн хороо хэмээх томоохон байгууллагыг байгуулсан түүхтэй.

Урчуудын эвлэлийн хорооны анхны даргаар Д.Чойдог ажиллаж байсан бол 1956-1989 он хүртэлх хугацаанд зураач Н.Цүлтэм гуай даргалж гуч гаруй жил тус байгууллагыг тэргүүлсэн юм. Ерээд оноос улс орон нэг намын эрхшээлээс гарснаар Монголын зураач урчуудын хувьд оюун сэтгэлгээний хавар айлчилж, уран бүтээлийн сэдэв, дүрслэл, урсгал чиглэл чөлөөтэй болж, дэлхийн улс орнуудад үзэсгэлэн гаргах явдал нэмэгдсэн юм. Монголын үе үеийн зураач, урчуудын мөрөөдөл болсон урлангийн байрыг 1993-1994 онд ашиглалтад оруулж, 1997 онд өөрсдийнхөө хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн Зуун-Айл орчимд Нэгдсэн урлангийн цогцолбор байгуулснаар өдгөө 50 орчим уран бүтээлчид уран бүтээлээ туурвин ажиллаж байгаа аж. Монголын зураач, урчууд ерээд оноос улсдаа үзэсгэлэн гаргахаас гадна Бельги, Франц, Нидерланд, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Америк, Герман зэрэг дэлхийн олон оронд бие даасан үзэсгэлэнгүүдээ дэлгэсэн нь монгол авьяастнуудын дэлхийд гарах сайхан боломжийг нээж өгчээ. Тэд бие даасан үзэсгэлэнгүүдээ гадаадад толилуулахаас гадна уран зураг, уран баримал, паркийн болон цас, мөс, элсэн баримлын төрлөөр дэлхийн урчуудтай оюуны шандсаа сорих болсон нь гайхамшигтай.

Наяад онд төрийн шагналт зураач До.Болд, Н.Цүлтэм гуай нар олон улсын нэр хүндтэй шагналыг авчирч байсан бол Францад болсон усан будгийн томоохон үзэсгэлэнд зураач Базарваань, Содномцэрэнгээс өгсүүлээд амжилттай оролцох болжээ. Ерээд оноос зураач Н.Адьяабазар, До.Болд нарын авьяаслаг уран бүтээлчид Франц, Нидерландын томоохон үзэсгэлэнд оролцож эх орныхоо нэрийг гаргасан байдаг. МУЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, урлаг судлалын ухааны доктор, зураач С.Бадралтай Монголын урчуудын эвлэлийн түүхт ойн талаар сурвалжлахаар тохиролцсоны дагуу өнгөрөгч баасан гаригт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнжих үеэр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Адьяабазарын үзэсгэлэн дэлгэгдсэн байлаа. С.Бадрал зураач “Манай Монголын урчуудын эвлэлийн гишүүн уран бүтээлчид төр засгийн болон нийгмийн захиалгаар томоохон хөшөө дурсгал олныг босгосныг ард түмэн маань мэднэ. Тэрчлэн монгол төрийн бэлгэдлүүд болох сүлд, туг далбаа, тамга, одон медалиуд, мөнгөн тэмдэгт, марк, ёслол хүндэтгэлийн бэлэг дурсгалууд, ном хэвлэлийн дизайн, хувцас загвар, хүндэт харуулын хувцас өмсгөл тэргүүтэн бүхий л үнэт зүйлсийг урлан бүтээж зөвхөн улс орондоо төдийгүй дэлхий дахинд танигдсан хосгүй бүтээлүүдийг туурвисан нь Монголын урчуудын эвлэлийн үе үеийн уран бүтээлчдийн авьяас билгийн охь жишээ юм. Монголын зураач, урчуудын бүтээл Австрийн Үндэсний банк, Дэлхийн хөгжмийн музей, Японы эзэн хааны музей, БНСУ-ын “Хьюндей” групп, Санктпетербург дэх Эрмитаж, Хятадын томоохон цуглуулагч нарт гээд маш олон газар хадгалагдаж байдаг юм байна.

Манай уран барималчид 1946 онд жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нийслэлийн төв талбайд бүтээн босгосноос хойш Монгол орны өнцөг булан бүхэнд түүхэн үйл явдлууд болон, эх орончид, хөдөлмөрийн алдартнуудын гавьяаг мөнхлөх сэдвээр олон арван хөшөө дурсгалыг босголоо. Зураач урчуудынхаа шилдэг бүтээлээр улсын сан хөмрөг байгуулж, Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, аймаг, хотын Соёлын орднууд, Дүрслэх урлагийн сургууль, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Орон нутгийн судлах музейнүүд, МУЭ-ийн салбар нэгжүүдийг байгуулж олон түмнээ дүрслэх урлагийн бүтээлүүдтэй танилцуулах, зураач урчуудынхаа залгамж халааг тасралтгүй бэлтгэх зэрэг нийгэмд хандсан олон талт ажлыг хийж ирсэн байна” гэж байлаа. Бадрал багшийн яриа хэдий жаахан албархуу байсан ч Урчуудын эвлэл гэдэг энэ том байгууллагын түүхийг үүнээс илүү хураангуйлан танилцуулахад бэрх нь хэнд ч тодорхой. Нээрээ л бидний эргэн тойронд зураач урчуудын бүтээл захаас аван таарах ажээ. Хэтэвчээ нээхэд л хэн нэгэн зураачийн бүтээсэн мөнгөн тэмдэгт. Дэлгүүрт ороод үйлчлүүлэхэд л бас нэг зураачийн бүтээсэн шошготой бүтээгдэхүүн. Төрийн их цагаан сүлд, үгүй ядахнаа “модон морьтой адил” гэж шүүмжлүүлдэг төрийн сүлд хүртэл зураач урчуудын л бүтээл. Төрийн ордны өмнө байрлах төрийн түүхийн музей, Дадал сумын Гурван нуурын амралтын газарт зураач Махвал гуайн босгосон Эзэн богд Чингис хааны гэрэлт чулуун хөшөө, зохиолч-яруу найрагчдын шүтээн их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө гээд нүдэнд харагдаж, сэтгэлд тодрох урлагийн олон сайхан гайхамшгийг зураач, урчууд маань сүндэрлүүлжээ.

Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд зөвхөн манай уран бүтээлчдийн үзэсгэлэнгээс гадна олон улсын зураач, уран бүтээлчдийн үзэсгэлэнг дэлгэх болсноор монголчуудынхаа оюуны мэлмийг баясгах бас нэгэн буянт үйл болжээ. Энэ эрхэм үйлд төрийн шагналт зураач Ц.Мөнхжин, уран барималч Л.Болд, МУЭ-ийн дарга Б.Төмөрбаатар нарын үе үеийн дарга нарын сэтгэл зүтгэл ихэд орсныг дурдах ёстой. Энэ оны эхээр гэхэд МУЭ-ийн онц их хурал хуралдаж, МУЭ-ийн дүрмэндээ өөрчлөлт хийж зорилго чиглэлээ шинээр батлан байгааг зураач, уран бүтээлчид бахархалтай ярьж байна. Урчуудын эвлэлийн дарга гэх албан тушаалыг гэхэд Ерөнхийлөгч болгожээ. Уран бүтээлчдийн авьяас чадвар өндөржихийн хэрээр үндэсний хувийн томоохон цуглуулагчид бий болж байна. Хувийн ийм галерейн эзэд зураач, урчуудын бүтээлийг байр орон сууцаар хүртэл үнэлж байгаа нь авьяастныг үнэлэх үнэлэмж өссөнийг гэрчилнэ. Уран бүтээлчдийн бүтээлийг улсын санд тавь гаруй сая төгрөгөөр үнэлэн авч байгаа нь мөнгөн дүнгийн хувьд хэдий чамлалттай ч төрөөс харж үзэж байгаа бас нэг хэлбэр юм. Улсын санд бүтээл худалдан авах эл төсөв цаашид гурван зуун сая төгрөгт хүрэх сайн мэдээг зураачид саяхан сонсоод баяртай байгаа аж.

Монголын урчуудын эвлэл Монголын дүрслэх урлагийг үндэсний болоод өрнө дахины дэг сургуультай хослуулан хөгжүүлж, Дүрслэх урлагийн дунд сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгсөгчид, ОХУ болон бусад оронд суралцаж төгссөн мэргэжлийн зураач, барималчдаар эгнээгээ тэлж, тэдний өвөрмөц арга барил, адилтгах аргагүй сонирхолтой бүтээлүүдээр уран сайхны фонд, музейн сан хөмрөгийг баяжуулсаар ирсэн түүхтэй. Урчуудын эвлэлийн нэг онцгой асуудал бол урлаг, уран сайхны боловсрол сургалтанд гойд анхаарч, академийн уламжлалт сургалт, тогтолцоотой ОХУ-ын И.Е.Репин, В.И.Суриковын нэрэмжит сургуулиудад, Европын социалист лагерийн гэгдэж байсан гадаадын олон дээд сургуульд оюутан залуусаа илгээснээр өнөөгийн олон алдарт зураачдыг бэлдэн гаргах үндэс суурь болжээ. МУЭ-ийн гишүүн уран бүтээлчдээс Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын зураач, төрийн шагналтнууд, урлагийн болон соёлын гавьяат цолтнууд, МУЭ-ийн нэрэмжит шагналтнууд олноор тодрон гарсныг урлаг судлалын ухааны доктор С.Бадрал бахархал төгөлдөр ярьж байна. Уран бүтээлээ туурвихаас гадна эрдэм судлалын ажилд хүчин зүтгэж буй хүн ч олон.

МУЭ-ээс оны шилдэг үзэсгэлэн, бүтээл гаргасан уран бүтээлчээ шалгаруулж шинэ оны босгон дээр нэг сая төгрөгөөр урамшуулдаг аж. Ахмадууддаа тэтгэлэг тэтгэмж олгохоос гадна залуу уран бүтээлчдээ ч урамшуулж үзэсгэлэнг нь гаргадаг юм байна. Түүхт ойдоо зориулж “Дүрслэх урлаг” сэтгүүлийг шинэчлэн гаргажээ. Эл сэтгүүл 1991 оноос хойш гаралгүй тасраад байсан ч төрөлх байгууллагынхаа түүхт ойгоор олонд хүрч эхэлжээ. Цаашид улирал тутамд гаргана гэдгээ эрхлэгчид ярилаа. Зураачдын томоохон бүтээлийг багтаасан цомог номыг 2000, 2010 онд гаргаж байсан бол сая ойдоо зориулж 430 гаруй уран бүтээлчийн намтар, уран бүтээлийг багтаасан номыг гаргахаар хэвлэлд шилжүүлээд байгаа юм байна. Энэ номоос Монголын урчуудын эвлэлийн гишүүдийн авьяас чадварын түвшинг олж харах боломжтой аж. МУЭ-ийн үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн гол үйл ажиллагаа 2017 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд болохоор товлогджээ. Оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг ч энэ сард хийхээр төлөвлөж буйгаа МУЭ-ийн удирдлагууд ярилаа. Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимын талаар цаашид төр засгийн зүгээс санаа тавихгүй бол хуучирч муудан, уран зураг хадгалах, үзэсгэлэн дэлгэх байтугай хүн шагайхад ч бэрх болоод байгаа гэнэ.

Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр дэлгэгдсэн энэ удаагийн үзэсгэлэнгийн эзэн нь урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Нямын Адьяабазар ажээ. Энэхүү үзэсгэлэнд түүний 2014-2017 онд хийгдсэн 60 гаруй уран бүтээлүүд дэлгэгджээ. Н.Адьяабазар 11 жилийн өмнө бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан гэнэ. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд анхны бие даасан үзэсгэлэнгээ 1992 онд гаргаж тухайн үед Монголын дүрслэх урлагт кубисизмын урсгалыг оруулж ирсэн. Тус үзэсгэлэнг нэрт урлаг судлаач Д.Дашбалдан сайшаан дэмжиж зохион байгуулжээ. Н.Адьяабазар нь 1996 онд “Натюрморт”, “Сартай шөнө”, “Завсарлага” зэрэг уран бүтээлээрээ МУЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд 2005 онд МУЭ-ийн “Намар” үзэсгэлэнгээс “Тэнгэрийн дагинас” уран бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал, 2006 онд “Их Монгол-800” үзэсгэлэнд “Эзэнт гүрний баатрууд” уран зургаар шилдэг бүтээлийн тэргүүн байрын шагнал, “Оны шилдэг бүтээлүүд-2014” үзэсгэлэнгээс “Хоржийлоо” уран бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна.

Гавьяат зураачийн үзэсгэлэнг хол ойрын олон хүн ирж сонирхож байв. Биднийг үзэсгэлэн үзэж явтал зураачийн эртний анд, Д.Нацагдоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн, нэрт зураач “Голланд” хэмээх Гэрэл, ахмад зураач Содномцэрэн, Хайчилбарын холбооны тэргүүн Н.Баатарцогийн шавь, чөлөөт уран бүтээлч Бямбасүрэнгийн Гарамгай нарын олон хүн хүрэлцэн иржээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Батцэнгэл: Хүүхэд математикийн гоо сайхныг нэг мэдэрвэл салахаа байчихдаг

Доктор Б.Батцэнгэл 2016 оны олон улсын бага, дунд ангийн математикийн олимпиадын үеэр Тайландын телевизэд ярилцлага өгч байгаа нь

Филиппин улсад болсон олон улсын математикийн олимпиадын бага ангийн төрөлд манай улсаас оролцсон найман сурагч бүгд шагнал хүртсэн баярт мэдээ саяхан түгсэн. Энэ багийг ахалж, сурагчдыг олон улсад оюунаа сориход нь дасгалжуулсан Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр улсын математикийн олимпиадад 14 насандаа түрүүлсэн амжилтыг нь өдгөөг хүртэл хэн ч эвдээгүй, Монголын хамгийн авьяаслаг математикч юм билээ.

-Сая Филиппинд, зун Энэтхэгт болсон олон улсын олимпиадад оролцсон манай бага ангийнхан бүгд шагнал хүртсэн. Хэр олон улс энэ олимпиадад оролцдог вэ. Яаж хүүхдүүдээ шалгаруулж авдаг, ямар системээр бэлддэг вэ?

-Математикийн олимпиадын бага ангийн төрөлд тив, тивийн олон улсын хүүхдүүд оролцдог. Манай улсын хувьд 2009 оноос бага ангийн олимпиадад оролцож эхэлсэн. Сонгон шалгаруулалт 2011 оноос одоогийн системд шилжсэн. Жил бүрийн дөрөвдүгээр сард “Классик” олимпиадаар эхний сорилоо явуулж, 300-гаад хүүхдээс 100 гаруйг нь шигшиж үлдээдэг. Хоёр дахь сорилоос 20 орчим, гурав дахь сорилоос найман хүүхэд сонгож авдаг. Энэ найман хүүхдийг нэг сарын дотор багийн болон хувийн бэлтгэл хийлгээд олон улсын олимпиадад оролцдог.

-Олон улсын олимпиадаас нийт хэдэн монгол хүүхэд шагнал авав?

-Анхны жил бага ангийн олимпиадад олон улсын стандартаар 15 бодлого бодно гэж ойлгоогүй очсон учраас юу ч аваагүй. Дараа жил нь Солонгост болоход шагнал хүртсэн. Одоо медаль авдаггүй хүүхэд цөөхөн болсон. Сая Филиппиний олимпиадаас гэхэд найман хүүхдээс хувийн төрөлд дөрөв нь, хоёр баг хоёулаа медаль авсан.

-Математикийн авьяас гэж юу байдгийг ойлгодоггүй гэж та ярьдаг гэсэн?

-Авьяас гэж яриад байгааг би ойлгодоггүй. Зөв сэтгэлгээ, логик дараалал, хаанаас эхлэх вэ гэдгийг мэдрэх мэдрэмжийг авьяас гэдэг байж болох юм. Бодлогыг буруу аргаар эхэлдэг атлаа зөв рүүгээ шилжээд бодчихдог хүүхэд байдаг. Шууд зөв аргаа олдог нь ч бий. Өөрөөр хэлбэл бодлогыг мэдэрдэг мэдрэмж хүүхэд болгонд өөр байдаг. Зохиолчдын онгод гэдгийг хүн шууд тодорхойлж чадахгүй, түүнтэй л адилхан байх. Зөв сэтгэлгээ гэж хамгийн бага энерги гаргаад хамгийн богино хугацаанд бодохыг хэлнэ гэж хувьдаа ойлгодог.

-Олон жилийн өмнө, тэр үедээ л тоогоор манайдаа тэргүүн байсан хэдэн хүүхдэд багш нь бодлого өгөөд хоёрдугаар ангийн хүүхэд гурван минутад бодсон гэж хэлээд шалгасан. Нэг нь амжиж хариулж бусдаа аварсан гэдэг. Тэр жаахан хүүхэд нь таныг байсан гэж сонссон юм. Энэ авьяас мөн үү?

-Яг энэ бодлого мөн эсэхийг мэдэхгүй, намайг XII сургуулийн хоёрдугаар ангид байхад шалгалт авсаан. Хөлбөмбөг тоглоод гүйж явтал захирал дуудсан, хэдэн хүн ирчихсэн “шалгалт авна” гэсэн. Энгийн бодлого хэдийг бодуулсан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нэг л юм байдаг. “Өгсөн цэгээс ижил зайтай цэгүүд ямар дүрс зурах вэ” гэж хамгийн сүүлд асуусан. Би “Бөмбөг” гэж хариулсан, тэр хүмүүс жуумалзаад л явчихсан. Сүүлд сонсоход тэд хавтгай дээр зураад “Дугуй” гэж хариу авах гэсэн юм билээ. Тэр үед би дугуй, тойрог гэдгийг заалгаагүй, мэддэг ч үгүй байлаа. Надад бодогдсон, хамгийн ойрхон зүйл нь бөмбөг л байсан. Тэгж өөрийгөө аварсан уу, эсвэл авьяастай байсан уу бүү мэд. Энэ хариултаас болоод тэр хүмүүс их авьяастай юм гэж дүгнэлт хийсэн тухай сүүлд сонссон. Гэхдээ тэд авьяас шалгах гэж ирээгүй байх. Хоёрдугаар ангидаа хичээлийн хажуугаар багштайгаа дээд ангийн хичээлээ үзсэн учраас анги алгасуулахын тулд захирал маань хүсэлт ирүүлсэн юм билээ.

-Та хэд хэддүгээр ангийг алгассан бол. Ухаан орохдоо л уншаад сурсан гэдэг юм билээ. Ингэж гайхалтай суралцахад ээж, аавын нөлөө байв уу?

-Нэг, гурав, тавдугаар ангийг алгассан. Миний аав Баасанжав Говь-Алтайнх, геологич хүн, ээж Байгалмаа Булганых, бага ангийн багш. Аав, ээжийн нөлөө байлгүй яахав. Ээж 21дүгээр сургуульд багшилдаг, хааяа намайг авч явна. Ангийн хамгийн арын ширээнд суулгаад “Юм зурж, бич” гээд үзэг цаас өгнө. Ээжийн зааж байгаа сонин санагдаад харж суусаар хичээл хийгээд сурчихсан. Уншихыг цэцэрлэгт байхдаа сурсан гэдэг, би таван наснаас өмнөх зүйлээ санадаггүй юм. Тоо бодож сурахад гол нөлөөлсөн хүн бол аав. Намайг тавтай байхад аав 96 хуудастай зузаан дэвтэр авч өгөөд “За ингээд бодлого бодоорой” гээд ном өгсөн нь хоёрдугаар ангийн тооны хичээлийн сургалтын материал байж таарсан. Тэгээд л бодож сурсан даа. Уншдаг, боддог тухай яриа Булганаас эхтэй юм. Хоёр ах хотод ирээд би зөрөөд өвөө дээрээ очсон. Хажуу айлын хүүхдүүдтэй тоглох гэтэл “Даалгавраа хийж байна” гээд суугаад байхаар нь хурдан тоглохын тулд тоог нь бодож өгөөд “Ном уншдаг нударгатай залуу” нэртэй болсон.

-14 настай улсын олимпиадад түрүүлэхдээ хэддүгээр ангид байсан юм бэ. Танд ер нь тааруу сурдаг хичээл байсан уу?

-Тааруу хичээл байлгүй яахав. Гурав, тавдугаар ангийг алгасахдаа математик, монгол хэлний улсын шалгалт өгсөн, заавал онц авч дэвшдэг учир гайгүй байхаас аргагүй. Гэтэл тавдугаар ангид орос хэлний тийн ялгал заадаг, тэрийг үзээгүй учраас зургадугаар ангиас эхлээд л орос хэлний хичээл там болсон. Улсын математикийн олимпиад тэр үед зөвхөн төгсөх ангийнхны дунд болдог, түрүүлэх үед аравдугаар ангид байсан.

-МУИС-д оюутан байхдаа дээд ангийнхандаа хичээл заасан гэл үү?

-МУИС-ийн программд тооны онол гэж хичээл байдаг, мэргэжлийн багш байгаагүй учраас намайг мэргэшүүлэхээр шийдсэн. Дашдорж багшийн санаа л даа. Гуравдугаар курсээс нарийн мэргэжил салахад алгебрийн группд орж тооны онолыг тусгайлан судалж, дөрвөөсөө ангийнхандаа болон дээд курсынханд зааж эхэлсэн.

-Та тооны онолыг хэдэн жил заав. МУИС-аас яагаад ажлаа хаяж гарсан юм бэ. Оюутнууд таны хичээлд их дуртай байсан гэдэг?

-Би МУИС-д 1990-2008 онд багшилсан, дунд нь 1993-1999 онд Японд доктор хамгаалсан. Тооны онолын хичээлийг программаас хассанаас болж би гарсан. Тооны онол гэдэг бол математик дотроо хамгийн эртний салбар, хэдэн мянган жилийн турш бүх математикч оролдсон, бүгд дуртай байсан, миний бодлоор математик дотор байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Их сургуульд байхад оюутнууд өөрсдөө хичээлээ сонгодог болоход нэг хэсэг бүх оюутан над дээр шавсан нь үнэн.

Тооны онолын гоо сайхныг мэдрүүлсэн учраас тэгсэн болов уу. Тооны онолыг огт мэддэггүй хүмүүс хэрэггүй салбар гээд байдгийг би ойлгодоггүй. Математикийг ойлгож мэддэг нь биш, энд тэнд явж байгаад математикч нэр зүүсэн нь тэр үед ноёлж эхэлсэн. Тэд тооны онолын хичээлийг хасахаар нь би ер нь хэрэггүй болж байгаа юм гэж бодно биз дээ, тэгээд л гарсан хэрэг.

-Таныг их сургууль олон удаа урьсан гэж сонссон. Таны хэмжээний хүн их сургуульд байх нь илүү зохимжтой биш үү?

-Санал тавьж л байдаг юм, гэхдээ би очихгүй ээ. Хаа ч ялгаагүй би математикт дуртай хүүхдүүдтэй л ажиллаж байгаа.

-Та оюутан цагаасаа эхлээд 30 шахам жил багшилжээ. Өөр ажил хийх боломж байсан л байх. Багшийн ажлын юу нь сайхан бэ?

-Хүрээлэнд эсвэл төсөл дээр ч юм уу ажиллаж болно л доо. Гэхдээ математикийн гоо сайхныг, бүх гоё юмыг нь би мэдээд байна. Тэр мэдлэгээ гадагш гаргахгүй, өөртөө л хадгалаад дуусах сонирхол алга. Математикийн суутнуудын маш хүнд асуудлыг их гоё өвөрмөц шийдсэн сонгодог теоромуудыг судалж мэдсэнээ зөвхөн өөртөө хураах гэж үү. Би тэрийг хүүхдүүдэд зааж, гоёыг нь мэдрүүлмээр байна. Тэр хүмүүсийн логик сэтгэлгээний зөв дарааллыг таниулмаар байна. Тийм учраас би багшид дуртай. Хамгийн гол нь би хүүхдүүдэд сэтгэлгээний уран сайхан, гоо сайхныг зааж, зөв сэтгэхэд сургамаар байна. Ер нь хүнийг зөв сэтгэдэг болгож сургаж болох уу гэдгийг би дотроо их боддог. Уг нь болмоор юм шиг ч бодит амьдрал дээр хэзээ ч чадахгүй байх л даа.

-Олон улсын олимпиадын үеэр гадны эрдэмтэд таны үгийг их сонсдог гэж хамт явсан багш нар ярьдаг. Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Бага ангийн олимпиадын бодлогыг эх хэл рүүгээ орчуулах ажлыг би хийдэг, өгүүлбэрийг хөрвүүлэхэд тийм ч амар биш байдаг. Энэ явцад бодлогын өгүүлбэрийн алдааг олж комиссынхонд хэлсэн хэд гурван тохиолдол байгаа учраас сайн ханддаг байх. Мөн Гонконгт болдог олимпиадын бодлогыг комиссоос гадна хоёр математикч бодож хариуг нь гаргадгийн нэг нь би. Алдаа гарч болно гэдэг үүднээс гурван талаас бодож тулгадаг л даа.

-Олон улсын олимпиадад таны бодлогыг их сонгож авдаг гэл үү?

-Би бодлогоо олон улсын бага, дунд, ахлах ангийн бүх олимпиадад явуулдаг. Монголын баг бодлого явуулдаг нь үйл ажиллагааг нь дэмжиж оролцож байгаа нэг хэлбэр. Олон улсын олимпиадад 15 өөр орны бодлого ч тавигдаж болно, чанар чансаа нь л мэдэх хэрэг. Сая Филиппинийн олимпиадад би зургаан бодлого явуулсны тав нь сонгогдсон байсан. Баг дээр нэг, хувийн төрөлд дөрөв нь ирсэн. Багийн бодлогыг манай нэг хүүхэд гүйцэд биш бодоод арай бага оноо авсан, нөгөө баг нь хийгээгүй. Хувийн төрлийн дөрвөн бодлого дээр хүүхдүүд маань бүгд унасан. Яагаад ч юм манай хүүхдүүд миний бодлого дээр дандаа унадаг, тиймээс цөөхөн ирээсэй л гэж хүсдэг.

-Уучлаарай, та өөрөө хүүхдүүдээ бэлдэж байж яагаад тэр явуулсан бодлогуудаа заадаггүй юм бэ?

-Бусад улсын ирүүлдэг бодлогыг багцаалж бэлтгэлээ хийдэг. Өөрийнхөө явуулсныг тас нуудаг. Би бэлдэж байгаа хүүхдүүдийнхээ сул талыг мэддэг, тиймээс ч чадахгүй бодлогыг нь тавьдаг. Танд сонин санагдаж байх шиг байна. Би хүүхдүүддээ шинэ бодлого өгөхийг хүсдэг. Зааж байсан юмаараа бодлого тавибал жинхэнэ жигшүүрт явдал биз дээ. Тэгээд ч энэ чинь хүүхдийн хувьд ч утгагүй. Хүүхдүүд тэнд өөрийгөө сорих, шинэ бодлоготой танилцах гэж очиж байгаа, огт мэдэхгүй юмаа хийж чадаж байгаа эсэхийг л шалгах ёстой. Тэрнээс чаддаг юмаа олон улсын олимпиадад очиж бодох юм бол энгийн шалгалтаас ямар ялгаатай байхав.

-Олон улсын олимпиадад орчуулга хийж байгаа багш нь бодлого задалсан тохиолдол гарч байсан гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Би ийм юмны эсрэг тууштай зогсдог. Тэгээд ч олон улсын олимпиадад бодлого задалсан тохиолдолд тухайн улсын эрхийг 10 жил хүртэл хугацаагаар хасдаг. Хойд Солонгосын баг дээхнэ үед орчуулгын явцад бодлого задлаад эрхээ хасуулаад саяхнаас тэр нь сэргэсэн. Ер нь олон улсын математикчид аль улс нь ямархуу чансаатай вэ гэдгийг гадарлана даа.

-Манай хүүхдүүдийг IQ өндөртэй гэлцдэг дээ?

-Үнэн, оюун ухааны хувьд дутах юм ерөөсөө байхгүй. Хөдөлмөрч зан л дутуу. Хоёрдугаарт, энэ компьютер тоглоом, facebook зэрэгт зарцуулж байгаа цагаа хасчихвал амжилт гаргах бүрэн боломжтой.

-Та яг одоо юу хийж байна вэ?

-Би “Соёмбо” бага сургууль, “Орчлон-2” сургуулийн зөвлөх багшаар ажилладаг. Яг одоо энэ ажлынхаа хажуугаар ахлах ангийн хүүхдэд зориулсан тооны онолын ном бичиж байгаа.

-Тооны онолын ном манайд ер нь байдаг уу. Та хэр олон номтой вэ?

-Тооны онолын ном их сургуулийн төвшинд ч байдаггүй. Гэхдээ одоо бичиж байгаа ном бол олимпиадад зориулсан гарын авлага юм. Ер нь олимпиадад зориулсан долоо найман ном бичсэн.

-Таныг хөлбөмбөгт их дуртай гэсэн. Сайн тоглодог байв уу?

-Таван шарын хөлбөмбөгийн талбайгаас салдаггүй л хүүхэд байсан. МУИС-ийн шигшээд тоглодог байлаа, хоёрдугаар зэрэгтэй.

-Манай төр засгаас математикийн олимпиадад явж байгаа хүүхдүүдээ дэмждэггүй юм шиг санагддаг. Бусад улс энэ тал дээр ямар байдаг вэ?

-Төрөөс улсын олимпиадад багахан мөнгө өгдөг байх. “Олон улсын ахлах ангийн олимпиадад явж байгаа хүүхдийн зардлыг олж өгье” гэж жаахан хөөцөлддөг байх. Гэхдээ нөгөө мөнгө нь хичнээн ч шат дамжиж гардаг юм, хүүхдүүд өр тавьж явчихаад сүүлд нь зардлаа олж авдаг юм шиг байна лээ. Бага, дунд ангийн олимпиадад явж байгаа хүүхдүүдийн тухайд төрөөс харж үзнэ гэж байхгүй. Бусад оронд төр засгийнхаа төвшинд дээд зэргээр анхаардаг. Сая Филиппинд болсон олимпиадад хүртэл зарим улсын Боловсролын яам оролцсон. Манайх шиг эцэг эх нь зардлыг нь даадаг улс өөр байхгүй.

-Та бүхэн ойлгуулах талдаа дутмаг ажиллаад байна уу?

-Боловсролын яаманд би удаа дараа захиа бичсэн. Олон улсын олимпиад зохион байгуулах комиссынхон нь “vip” зочныхоо нэрийг өгөөч гэдэг. Зочноор яамнаасаа хүн томилж явуулаач гэж олон удаа хэлсэн. Зөвхөн замын зардлаа гаргаад очиход л зочныг комиссынхон дээд зэргээр хүлээж авдаг. Энэ олон орон бүгдээрээ хүлээн зөвшөөрөөд дэмжээд Боловсролын яамных нь төлөөлөгч ирдэг, манайх л очдоггүй. Өмнөөс нь их ичих юм.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ тоо заалгая гэхээр та дургүйцдэг гэнэ. Яагаад тэр вэ?

-Дургүйцдэг нь үнээн. “Хүүхдийг маань математикч болгоод өгөөч” гэвэл болж байна. Харин хүүхдээ тоонд сайн байвал цаашдаа эдийн засгаар сурахад хэрэгтэй гэх мэтээр харж ирвэл хэрэггүй. Хүүхэд нь надаар хоёр жил заалгахаар би математикч болгочихно. Тэр хүүхэд математикт үнэн сэтгэлээсээ дуртай болчихно. Эцэг эхийн сонирхол өөр байгаа ш дээ, тэгэхээр би тэр хүүхдийн ирээдүйг баллавал яах юм.

-Та яаж хүүхдийг тэгтэл нь математикт дурлуулж чаддаг юм бэ?

-Би хамгийн гоё бодлогыг бодуулдаг. Хүүхэд математикийн гоо сайхныг нь нэг мэдэрвэл салахаа байчихдаг.

Categories
мэдээ цаг-үе

Нэрт дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэвийн албан ажил, ар гэрээр зочлов

Цэдэн-Ишийн Шийрэв багштай тохирсон ёсоор Спортын төв ордны жүдо бөхийн зааланд очиход шавь нар нь бэлтгэлээ базаагаад ёстой нэг бужигнаж өгч байна. Хийлгэж байгаа бэлтгэлийг нь харахад нэгийгээ авч шидэж буй нь дийлэнх юм шиг. Жүдо бөхөд зөв унах техник гэж чухал юм байдаг юм болов уу гэж бодогдох шинжтэй.

Тэр кимононых нь зах гэхэд мань мэтийн хүн нэг шүргэхэд л хуруу гарын арьс хуулчих янзтай. Спорт, тэр дундаа жүдо, самбо зэрэг бөхийн спорт эр зориг, тэсвэр тэвчээр шаардагддаг нь эндээс харагдана. Шийрэв дасгалжуулагч Спортын төв ордонд шавь нараа бэлтгэл хийлгэх гэж өдөрт хоёроос гурван удаа ирдэг аж. Дасгалжуулагч багш гэдэг хүнээр хүн хийдэг ажилтныг л хэлдэг юм байна гэдгийг эндээс анзаарч болохоор. Бэлтгэлийг нь цаг гаруй харж, ажлынх нь онцлогтой танилцсан бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хороон дээр очиж ажлынх нь өрөөнд зочлов.

“Сүлд” спорт хорооны ахлах дасгалжуулагч, хурандаа Шийрэв Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул. Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, аймгийн арслан цолтой энэ хүнийг бөхийн хорхойтнууд Шийрэв багш гэдгээр нь андахгүй.

Баянбулагтаа наймдугаар анги төгссөн тэрээр Нийслэлийн 14 дүгээр сургуулийг 1977 онд дүүргэж, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш-дасгалжуулагч мэргэжлээр төгссөн байдаг. Ажлын өрөөнийх нь ширээн дээр “Атланта96” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээний багийн хүрэл медалийн цом харагдана. Түүний шавь нарын амжилтыг бүгдийг нь тоочсоноос дээд тоо бодоод суувал хавьгүй хялбар биз. Бразилийн Рио де Жанейрогийн олимпийн жүдо бөхийн долоон жингийн дөрөвт түүний шавь нар зодоглосон байх жишээтэй. 60 кгд Ц.Цогтбаатар, 66 кгд ОУХМ Д.Төмөрхүлэг шагналт долдугаар байр, 90кгд Л.Отгонбаатар тавдугаар байр, +100 кгд Баттулгын Тэмүүлэн нар хүч үзсэн түүхтэй. Шийрэв багш эцэг эхээс есүүл гэнэ. Ээжийнх нь талд бөхийн удамтай, Лийсэн гэж сумандаа зургаа түрүүлсэн дархан заан түүний өндөр нагац нь байж. Дарханы 017 дугаар ангид хугацаат цэргийн гурван жилийн алба хаасан Шийрэв 19801993 онд Улаанбаатар хотын Угсармал барилга үйлдвэрийн нэгдлийн угсралтын бригадад угсрагч, мастераар ажиллахдаа Зургадугаар хороолол, Лениний музейн ар талын таван давхрууд, “ХИД-1”-ийн хойд талын есөн давхрууд, 21дүгээр хорооллын орон сууцыг барихад идэвхтэй ажиллаж бригад хамт олноороо 19811983 оны Найрамдлын районы хөдөлмөрийн аварга, 1984 онд Улаанбаатар хотын аварга, 1985 онд улсын аварга бригадаар шалгарч байжээ.

Ажлын газрынхаа Дамба гэж бөх залуутай Спортын төв ордонд бөх их үзнэ. Зав зайтай үедээ хоорондоо хүчээ ч их үзнэ. Хүндийг өргөгч Доржсамбуу найз нь бас штанг өргөхийг санал болгосон нь Шийрэвийг их спортод сэтгэл зүтгэл гаргахад нөлөөлсөн аж. “Хүч” нийгэмлэгийн Хөхөө багшийнхаа удирдлагаар хүндийн өргөлтийн бэлтгэл хийж байснаа тэр одоо ч дурссаар явна. Тэр үед дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын начин Дэлээбазарын Сүхбат, улсын харцага Даваадорж нар “Хүч” дээр ирж хүчний бэлтгэл их хийдэг байж. Шийрэв штангаар хоёр жил гаруй хичээллэхдээ газраас 200300 килограммд, араас 200 килограммд суудаг байсан гэнэ. Ажил хөдөлмөр, спортын гэгээн харгуйд хөл тавьсан залуу эр Шийрэв 1983 онд төрөлх Баянбулаг сумынхаа наадамд ах Намсрайжавынхаа зодог шуудгийг өмсөн барилдаж, сумын заан цол хүртсэн байдаг. Баянбулаг суманд улсын харцага Батболдын нагац ах аймгийн начин Пүрэв, сумын заан Отгон, цэргийн заан Баттөмөр нарын хүчтэнүүд ид барилдаж байх үед сумынхаа наадамд түрүүлнэ гэдэг бас ч чанга даваа байж. Улсын заан Бямбадорж нарын бөхчүүдтэй энэ үеэс дотно нөхөрлөж, самбо,жүдогийн 68, 74 килограммын жинд барилддаг, Найрамдлын районы нэрийн өмнөөс бокст хүртэл хүч үзэж явсан гэхээр Шийрэв спортод ямархан хайртай явсныг гэрчилнэ.

Тэрээр бөхийн спортод хөтөлсөн Нямхүү багш, үндэсний бөхийн дугуйлан хичээллүүлдэг “Хоршоолол” нийгэмлэгийн багш, улсын арслан Мөнгөн нарынхаа ачийг одоо ч санасаар явна. Магадгүй, Монголын бөхийн төрлийн спортод олон шавь бэлтгэн амжилттай дасгалжуулж яваа нь тэр багш нарынхаа гэгээн ачийг санасных ч байж мэдэх юм. Хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод байж байхад нь нэг удаа улсын начин, бөхийн тайлбарлагч Ш.Чанрав узелиэр дуудахад нь ч бүрэг ичимхийгээсээ болоод очиж уулзаж чадаагүйдээ тэр харин одоо жаахан харамсангуй явдаг юм билээ. Уг нь Чанрав гуай түүнийг улсын шигшээд урьсан юм билээ л дээ.

1993 оноос Найрамдлын район буюу одоогийн Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга Номинчулууны урилгаар бөхийн дасгалжуулагчаар ажилласнаас хойш улсын хэмжээнд зохиогддог жүдо, самбо, сумо, үндэсний болон кураш бөхийн өсвөр үе, залуучууд, улсын аварга шалгаруулах тэмцээнд багаа гуч гаруй удаа түрүүлүүлсэн байдаг.

1994 онд үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн ГовьАлтай аймагт болоход улсын арслан До.Ганхуяг IV байрт орж, самбо бөхийн УАШТ-д таван хүүхэдтэй орж шавь Баярсайхан анхны мөнгөн медаль, самбо бөхийн УАШТ Дарханд болоход Пэрэнлэйдорж хүрэл медаль, Монголын анхны мистер Баянхүү 90 кгд хүрэл медаль тус тус авсан нь дасгалжуулагчийн ажлынх нь анхны амжилтууд байв. 1994 онд 11 медаль, 1996 онд 16 медаль авч эхэлсэн түүний шавь нар 1997 оноос багаараа медаль түүж, улсын начин СэрОд Эрдэнэтийн УАШТээс үндэсний бөхөөр алт авчирсан байдаг. Лондонгийн олимпийн мөнгөн медальт боксчин Төгсцогтыг монголчууд андахгүй. Төгсцогт боксоор хичээллэхээсээ өмнө Шийрэв багшийн жүдогийн дугуйланд таван жил хичээллэсэн гэдгийг харин мэдэхгүй байх. Шийрэв багш шавь нартайгаа тулж ажилладгийг тэднийхээ тухай бичсэн тэмдэглэл, гэрэл зургийн цомог зэргээс харж болохоор. Тухайлбал,жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатарын амжилт гэхэд 2014 оны Азийн наадмын хүрэл медаль, Зүүн Өмнөд Азийн наадмын багийн алтан медаль, 2014 оны “Гранд сланд” тэмцээний хүрэл, 2013 оны “Чингис хаан” дэлхийн цомын хүрэл, самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын мөнгөн медаль,жүдо бөхийн 2015 оны ДАШТий багийн хүрэл медаль, 2015 оны Абу Дабигийн алтан медаль, Риогийн олимпийн тавдугаар байрын шагнал гээд хөвөрч өгнө. Түүний шавь, олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг жүдо бөхийн дэлхийн залуучуудын аваргын алт, хошой мөнгөн медаль хүртэж, “Чингис хаан” дэлхийн цом, “Гранд сланд”, “Их дуулга” тэмцээнүүдэд аваргалж, өнгөрөгч олимпод долдугаар байрын шагнал авсан байна. Ер нь Ц.Шийрэв багшийн дасгалжуулж бэлтгэсэн шавь нар бөхийн жүдо, самбо, сумо, кураш, бүстэй барилдааны төрлүүдээр хот, улс, олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс гурван мянга гаруй медаль авсны дотор Монгол Улсын гавьяат тамирчин цолтон хоёр, олон улсын хэмжээний мастер ная гаруй, спортын мастер, дэд мастер цолтон 350 гаруй төрөн гарсан байна. Дасгалжуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр баг нь улсын аварга болж байсан багш түүнээс өөр байдаггүй гэхээр Шийрэв багшийн хөлс хөдөлмөрийн үнэ цэнэ яах аргагүй мэдэгдэнэ. Тэрээр өөрийн медалиудаа гэртээ хоёр морин хууранд нандигнан зүүж хадгалдгаа үзүүлэв.

Бидний яриа нэгдүгээр хорооллын “Цамбагарав”ын автобусны буудлын ар талд байх гэрт нь очиж үргэлжлэв. Гэргий Дорждамбын Баярсайхан нь Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул сайхан зантай эгч угтаж байна. Баярсайхан гуайн аав нь Баянчандманийн сургуулийн захирал хийж байгаад Төв аймгийн захиргаанд зохион зааварлах хэлтсийн даргын алба хашиж байсан Дорждамба гэдэг хүн энэ айлын голомтыг бадрахад ихээхэн тус болжээ. Эднийх Энхтүвшин, Янжинлхам гэж хоёр охинтой айл аж. Гэргий нь зээ хүү СүлдОчирыг сургуулиас нь аваад ирж байна. Өвөө нь зээ хүүгээ хэдийнэ бөхийн спортоор хичээллүүлэхээр товложээ. Бөхийн спортын нэрт дасгалжуулагчийнх медаль, цомоор ёстой нэг халгиж цалгисан айл юм. Бурхан тахилынх нь гүнгэрваатай залгаад хэчнээн ч цом өрөөтэй байгаа юм бүү мэд. Түүний шавь нараас Арлын орон руу гэхэд хориод хүүхэд явж, жүдогоор арваад хүүхэд, сумогоор гурав дөрвөн хүүхэд их дээд сургууль төгссөн гэнэ.

Тэр төгссөн шавь нар нь ч одоо нэр төртэй ажил алба эрхэлж явна. Кураш бөхийн дэлхийн хошой аварга, Ази тивийн мөнгө, хүрэл медальт,жүдо, кураш бөхийн олон улсын хэмжээний мастер “Сүлд” спорт хорооны дарга А.Давааням, сумо бөхийн олон улсын хэмжээний мастер, ДАШТий мөнгө, хүрэл медальт Чингэлтэй дүүргийн Спорт хорооны дарга Р.Очирпүрэв нараараа тэр бахархаж сууна. Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Солонго, улсын арван удаагийн аварга БатЭрдэнэ нарын хоёр шавиа гэртээ байлгаж хоол, жинд нь санаа талбиж байхдаа “Хүүхдийн хоол хаслаа” гэж гэргий Баярсайхандаа зэмлүүлж байснаа тэрээр цайлганаар дурсаад авч байна. Хүний л амьдрал болсон хойно, жаргал зовлон мундахгүй. Ах дүү гурвыгаа ертөнцийн мөнх бусаар ойрхон алдчихаад гуньж явах үед тус болсон Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчдөө тэр одоо ч баярлаж явдгаа илэрхийлж байна.

Спортын төв ордны жүдо бөхийн заал. 2017.11.17

Шийрэв дасгалжуулагчийн бурхны гүнгэрваан дотор ховор, содон ном их харагдах нь өөрийн эрхгүй үзмээр хорхой хөдөлгөнө. Эцэг өвгөдөөс нь уламжилж ирсэн номууд дотор Наймдугаар богд Жавзундамба хутагтын айлдсан “Чулууны бичиг” лүндэн хүртэл байдаг аж. “Мянгат малчин гэж цол хүртэл байхад мянган номт гэсэн нэр яагаад байж болохгүй” гэж хошигнохоо тэр мартсангүй. Цуглуулсан шагай нь гэхэд гурван мянгыг хол давсан гэж гэрийн эзэн хэлж байна. Завтайсан бол шагай шүүрэх сэн гэх нь аргагүй л хөдөө өссөн монгол эр хүний үг мөөн. Шийрэв багш “Ер нь монгол үндэсний бөх бол дэлхийн бүх бөхийн спортын эцэг нь гэж хэлж болно шүү” гэж байна. Монгол хүүхдүүд бага наснаасаа л бөхийн спортод түлхүү амжилт гаргадгийг анзаарсан багш хүний үг энэ мөн байх. Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооны дасгалжуулагч, ШШГЕГын “Сүлд” спорт хорооны ахлах дасгалжуулагчаар сүүлийн хориод жил ажиллаж буй Ц.Шийрэв самбо,жүдо, кураш, сумо, бүстэй бөх, жюү-жицү, үндэсний бөх зэрэг бөхийн олон төрлөөр өндөр зэрэглэлийн тамирчид бэлдэн гаргасан гэхээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрнө.

Жудо бөхийн Азийн өсвөр үе, залуучуудын аварга Э.Мөнхжаргал, жүдо бөхийн дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт, самбо барилдааны залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга Б.Бат-Эрдэнэ, жүдо бөхийн ОУХМ, “Улаанбаатар” гранпри тэмцээний аварга, Азийн аваргын мөнгөн медальт Л.Энхрийлэн, жүдо бөхийн Азийн өсвөр үе, залуучуудын аварга Э.Гэрэлтуяа, самбо бөхөөр ОУХМ Б.Солонго, О.Мөнхцэцэг, Д.Мөнхтуяа, Г.Өлзийбаяр, Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд гэхэд Т.Эрдэнэбаатар, Г.Мөнхсайхан, А.Баасандорж, сумо бөхийн дэлхийн аварга Б.Төрболд, Япон улсын мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын түрүү магнай, озэки Г.ГанЭрдэнэ нарын олон сумочид байдаг. Кураш бөхийн дэлхийн гурван удаагийн аварга М.Хоролсүрэн, дэлхийн хошой аварга, ОУХМ Н.Нямтуяа, О.Лхагвахүү, О.Мөнхцэцэг, дэлхийн залуучуудын аварга Г.Чимэдноров, А.Маралмаа, М.Дашням, Бүстэй барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, ОУХМ А.Давааням, Д.Анар нарын олон шавь нар нь Шийрэв багшийнхаа алтан сургаалаар хичээллэж амжилт гаргасаар яваа юм.

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Тэмээн гөрөөс хэмээх зэрлэг хавтгай байгаль дээр цөөрсөөр …

Манай ардын жүжигчин, уртын дууч Шарын Чимэдцэеэ гуайн “Ингэн хавтгайн сүүгээр цай сүлж уулгасан ч биш дээ, ээжийнхээ ачийг би чинь юугаар ч хариулсан гэх вэ” гэсэн сайхан дуу байдаг. Элсэн дээр дуссан ингэн хавтгайн сүү тослог ааруул болчихсон байдаг гэсэн ардын яриа ч бий. Гэвч, ноднин жил Алтайн цаадахь говиор явахдаа ингэн хавтгайн сүү ааруул болдог гэсэн үг сүүлийн тавиад жилд л лав үлгэр болсныг нутгийнхнаас болон Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагч Доржсүрэн ахын ярианаас мэдэж авсан сан. Дэлхийн Байгаль хамгаалах холбооны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “устаж болзошгүй”, бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” гэгдсэн хавтгай хэмээх зэрлэг тэмээ одоо байгаль дээр мянга гаруйхан тоо толгой үлджээ. Хавтгай бие галбирын хувьд гэрийн тэмээтэй төстэй боловч бие гоолиг, бөх жижиг, шовгор, үргэлж босоо, хүзүү хөл нарийн урт, тавхай ялимгүй бага, гонзгойдуу, магнай ялимгүй өргөн хавтгай, хошуу шөмбөгөр, уруул нимгэн. Нэг үгээр хэлэхэд гоёмсог сайхан амьтан.

Баянтооройд хорь гаруй жил хавтгай тэжээсэн Цог-Эрдэнийн “Хавтгай бол дэлхийн миссийн тэмцээнд орж буй сайхан бүсгүй, монгол тэмээ бол нас намба суусан гал тогооны авгай” гэсэн хошин зүйрлэл чухамдаа нүдээ олсон үг юм. Захуйн баянбүрдийн Захын ус хэмээх задгай устай газарт хашаалан үржүүлж буй хавтгайнууд монгол тэмээтэй хамт байхыг харахад эл үгийн үнэн батлагдах шиг санагдсан. Тэдгээр хавтгайдын өрөвлөг, бөхний сагсаг, шил, өвдөгний зогдрын хялгас богино сийрэг, эм ноосны үс тачир шингэн, зүс нь тэмээнийхээс цайвар, элсэн шаргалаас хүрэн улаан харагдсан. Сүүл нарийн, цацаг үс улаавтар. Өвдөг, тойг, өвчүүний саарь зэрэг бараг мэдэгддэггүй ялгаатай. Говийн гоо сайхны туйл болсон эл амьтны биеийн харьцааг албаны тайланд өндөр 340 см, сүүл 55 см, хүзүү 74 см, сэрвээ 210 см, хондлой 220 см, бөхний өндөр 35 см, жин 550 кг гэж тодорхойлсон байх юм билээ.

Тэмээн гөрөөс буюу хавтгай тэмээ нь дэлхий дээр Монгол Алтайн өвөр говь болон Хятадын баруун хойд хэсгийн говь цөлд судлаачдын тооцоолсноор 1000 орчим тоотой оршин амьдарч байна. Дэлхий дахинд өөр хаана ч байхгүй, амьдрах орчин нь хүний хүчин зүйлийн нөлөөгөөр хомсдож, тоо толгой нь эрс ховордсон хавтгайн тархац нутгийг манай улс 1975 онд, Хятадад 2001 оноос эхлэн улсын тусгай хамгаалалтад авч дархан цаазат болон нөөц газруудыг байгуулж, хамгаалал, менежментийн тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсэн байдаг. Хавтгайн тоо 1970-аад оноос хойш өнөөг хүртэл 300-650 толгойн хооронд хэлбэлзэж төдийлөн өсөөгүй байна. 1980-аад оны дунд үеэс Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны биологич мэргэжилтнүүдийн хийсэн ажиглалтаар байгаль дээр хавтгайн тоо толгойн өсөлтөд чоно их сөрөг нөлөөтэй, ялангуяа хавтгайн ботгыг олноор барьж хороодог болохыг тогтоожээ. Хавтгай тэмээ Төв, Дунд Азийн говь цөлд түгээмэл нутагтай байжээ. Хятадын Лоб нуураас умард, дорно зүгт Ачикийн хөндий, Аржин шан уулын умард залгаа аараг толгодын дагуу нутагладаг байж. Монгол дахь хавтгай тэмээний үндсэн тархац нутаг Алтайн өвөр говь, Дархан цаазат газрын А хэсгийн ихэнх хэсэгт буюу 30-35 км2 нутгийг бүрэн хамруулан байршдаг. Өвлийн улиралд цөөн тооны бодгалиуд Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын урд говь, Өмнөговь аймгийн Гурвантэс, Нэмэгтийн хоолой, Ингэн хөөврийн хоолой, Сэврэй сумын урд говиор тохиолдоно.

Говийн их дархан газрын захиргаа анх 1987 оны хавар хавтгайн нялх ботго барьж тэжээснээс хойш гучин жил улирчээ. 1989-1991 оны хавар жил дараалан нийтдээ 20 гаруй ботго барьж гэрийн ингэнд авахуулан хөхүүлэх, хуурай сүү болон ингэний сүүгээр угжиж торниулан, дараа нь өвс бэлчээрт гарган хариулж маллах зэргээр бойжуулж, үржлийн насанд хүрсэн эр, эм бодгалийг орооны үед гэрийн тэмээнээс тусгаарлан хашиж үржүүлэх зэргээр манай орон хавтгайн ботго барьж гаршуулан өсгөх, Захуйн говьд нутагшуулан үржүүлэх гэсэн хоёр үе шаттайгаар хагас зэрлэг байдлаар үржүүлж ирсний дүнд өнөөдөр Захуйн усны хавтгай үржүүлгийн төвд 33 хавтгай бүхий үржлийн сүрэг бүрдсэн байна. Хавтгай гаршуулан үржүүлэх ажил шулуун дардан замаар яваагүй янз бүрийн бэрхшээлтэй байнга тулгарч иржээ. Дархан газрын захиргаа улсаас тусгайлан олгосон төсөв хөрөнгөгүй, өөрсдийн хүч, нөөц бололцоонд тулгуурлан энэхүү ажлыг 1987-2003 он хүртэл дангаар хийж, 2003 оноос Английн “Хавтгай хамгаалах сан” хавтгайн хашаа барих, хавтгай маллагчийн цалин, өвс тэжээл авах, тээвэрлэх зэрэгт санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж ирснийг мэргэжилтнүүд өгүүлдэг. Говийн их дархан газарт судалгаа хариуцсан мэргэжилтэн, хамгаалалтын захиргааны даргаар ажилласан докторант Г.Довчиндорж “Монгол оронд тэмээн гөрөөс буюу хавтгайг гаршуулсан нь” сэдвээр эрдмийн бүтээл туурвисан байдаг.

Гаршуулж тэжээсэн хавтгай байгальд зэрлэгээр амьдрахад бэрх байдаг бололтой. Үүнийг доорх жишээнүүд батална. Богц цагаан дэрсний баянбүрдэд 2013 онд сулласан “Жоён” буур жил орчмын дараа Аж богдын нурууны зүүн хэсэгт Гэрэлт нэртэй газар айлын тэмээтэй нийлсэн байхыг нутгийн иргэд мэдээлснээр Алтай сумын “Хоолойн худаг” хэмээх газраас хавтгай маллагч Г.Дүгэргарам, байгаль хамгаалагч С.Гантөмөр нар тууж иржээ. Говиос ирэхдээ урд бөх болон шилбэндээ шарх авсан байж. Зэлүүд байгальд нь тавьсан “Наран” хэмээх буурыг Цагаанбургасны орчмоос хавтгай маллагч Г.Цог-Эрдэнэ, Г.Дүгэргарам нар бас туун авчирсан байдаг. Шар хулсны баянбүрдэд 2015 оны намар сулласан “Ууган шар” нэртэй залуу буур дараа оны намар Эдрэнгийн нурууны Хярын гүн орчимд гэрийн тэмээтэй нийлсэн байжээ.

Хавтгайн буурын ороо нэгээс хоёрдугаар сард орж, нэг буур 10-20 ингэ хураана. Ингэ хээлээ 410-425 хоног тээж, гуравдугаар сарын эхнээс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл ботголно. Буур орооныхоо үед идээшлэхгүй гэдсээ татан махийтал татсан нум шиг болох ба эрүүгээ тагших, хүрхрэх, шүдээ хавирах, исгэрэх мэтээр дуугардаг. Хураасан ингээ хамгаалж айлган сүрдүүлэх үедээ сүүл рүүгээ шээж, шээс нь газар дусахгүй сүүлээ хүчтэй шавхардаж шавдаг. Энэ үед алга таших мэт өвөрмөц чимээ гарах бөгөөд араатан чоно, алаг ирвэс айн сүрдэм байдаг ажээ. Хавтгайн буурыг нас бие гүйцээд ирэхээр хээрийн сүрэгт нь нийлүүлэхгүй бол хүн барьчих гээд ёстой нэг үйлийн лайгаа эдэлдэг гэсэн. Ямар сайндаа дархан цаазат газрын дарга буурын ороо орох цагаар хамгаалалтын хашаан дотор машинтайгаа явж байтал хавтгайн буур шуугин ирж жийпнийх нь хамар дээр тэгнэж хэвтээд, урд талын салхивч шилийг нь хөөсөөрөө будан зэгнийчихээд золтой л үнхэлцгийг нь хагалчихаагүй аж. Хавтгайн эрийг буур, эмийг ингэ, нэг нас хүрээгүй төлийг ботго, нэг настайг тором гэнэ. Мөн ид нас бие гүйцсэн бүдүүн буурыг хайс буур гэж нэрлэнэ.

Хавтгайн ингэ дөнгөж төрсөн ботгоо долоохгүй боловч хальсыг үрж түргэн алга болгохын тулд элс шороо цацаж үрнэ. Хавтгайн ингэ төллөсний дараа ботгоо дэвсэх, хазах зэрэг араншин гаргадаг нь ботгоны бодисын солилцоог идэвхжүүлэх, богино хугацаанд тэнцүүлэх, амлуулах, улмаар үр төлөө махчин амьтанд алдахгүй байхаас хамгаалсан төрөлхийн инстинкт юм. Ингэ булаг, шандаас алс нөмөр нөөлөг газар ботголж, 15-20 хоногтой ботгоо байнга дагуулан 13 сар хөхүүлээд эх үрийн харьцаанаас сүргийн харьцаанд шилждэг. Ногооны сөл тасарсан үед баянбүрд, булаг шандны ойр бэлчээрлэж байгаад ногоо ургахаар алслана. 5-10 хоног өнжиж ус ууна. Зун харьцангуй сэрүүн салхитай өндөрлөг газар бараадна. 5-6 дугаар сард гуужна. Гэрийн тэмээтэй үржилд орно. Нэгдүгээр үеийн эрлийз бие галбир, авир төрхөөрөө хавтгайн шинжтэй байдаг. Хавтгай, гэрийн тэмээ хоёрын дундаас гарсан эрлийз тэмээг бэсрэг гэж нэрлэдэг. Ихэвчлэн заг, улаан бударгана, шармод, сухай, баглуур зэрэг сөөг, сөөгөнцөр ургамлаар хооллоно. Өвөл цас дагаж өдөр, зун өглөө оройн сэрүүнд бэлчээрлэдэг. Хаврын хүчтэй шуурганаар эрэг, ганга, мод сөөг нөмөрлөн хонон өнжин хэвтэнэ. Хавтгайн ингэ монгол тэмээтэй адил жил өнжиж төллөнө. Хавтгайг агнахыг 1930 оноос хуулиар хориглон дархалж, Монгол Улсын анхны (1987) болон шинэчилсэн (1997) “Улаан ном”-нд хязгаарлагдмал тархацтай, нэн ховор, унаган, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл гэсэн статустай болгосноор энэ зүйл олон улсын болон Монгол Улсын хуулиар бүрэн хамгаалалттай болсон.

Хавтгай 1943 онд хамгийн цөөн 300, 1959-1960 онд 400-500, 1974 онд 900 орчим болжээ. 1975-1976 оны судалгаагаар 400, 1980-1982 онд 500-800 байв. 1982-1989 онд жил бүр нөөцийн үнэлгээ тогтоосноос үзэхэд 480-55 байв. 1993 оны байдлаар 320 болов. 2012 онд хийсэн тархац, биологийн нөөцийн үнэлгээгээр 800 гаруй тоо толгой гэж бүртгэгджээ. Бэлчээр, задгай усыг хүн мал эзэгнэснээс болж идээшсэн нутгаа орхин дайждаг. Чоно ботгыг олноор нь хөнөөдөг. Орсон буур бие биеэ барих тохиолдол гардаг. Өөх, махыг нь ашиглах зорилгоор хулгайгаар агнадаг. Хавтгай тэмээ машинаас болж байршил нутгаасаа дүрвэн дайждаг.

Хавтгайг хоёр бөхт тэмээний дээд өвөг гэж зарим судлаач үздэг. Саяхан болтол гэрийн тэмээ зэрлэгшиж хавтгай болсон гэх үзэл эрдэмтдийн дунд давамгайлж байсан хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар 0.7-1.5 сая жилийн өмнө, тэмээг гэршүүлэхээс эрт үед тусдаа зүйл болон салсныг тогтоосон байна. Ийнхүү хоёр бөхт тэмээний нэг дэд зүйл гэгдэж байснаа одоо тусдаа зүйлд тооцогдох болсон байна. Хавтгай хэмээх хоёр бөхт зэрлэг тэмээ Монголд л 623 толгой байгааг одоогоос гурван жилийн өмнө түүврийн аргаар тоолж тогтоожээ. Өмнө нь хавтгай 450-500 толгой байгаа гэж багцаалж байж. Халуун зэвсэг агссан хулгайн анчдын гэмт үйлдэл багассан ч зарим нөхөд ховор амьтан унагасан тохиолдол гарсаар байгаа аж. Шинэжинст суманд гэхэд өвөлжөөн дээрээ хавтгайн буур төхөөрснийг Англиас мэдэгдэж, байгаль хамгаалагчид дохиолол дуугарсан газар нь халуун мөрөөр нь давхиж очиж барьж байсан тохиолдол гарчээ.

Говийн чоно хавтгайг хоолойг нь хэмлэн барьдаг байснаа сүүлийн үед нимгэн цавь, суганаас нь зулгаан иддэг болсон байна гэх яриа ч сонсогдсон. Хавтгайн сэгтэй таарч “623-хан толгой ховор амьтны нэг энд төгсгөл болжээ” гэх харуусал төрж байсан сан. Байгаль дээр хавтгай хэд насалдгийг тогтоосон судалгаа ховор ч гаршуулан үржүүлж буй сүрэгт 1991 онд барьж нийлүүлсэн ботго өдгөө хамгийн хөгшинд тооцогдож байна. Жижиг шар хэмээх нэртэй энэ ингэ 2017 онд 26 насандаа дахин ботголжээ. Хавтгайн тархац нутгийн хүрээнд түүнд дайсагнаж болох цөөн зүйл том биет махчин араатан болон шувууд байдаг. Хавтгайн хамгийн номер нэг дайсан бол саарал чоно юм. Ялангуяа хавар, намрын улиралд саарал чонын ангуучлал нэмэгддэг. Доктор Р.Самьяа “Хавтгайн өсөлтөд нөлөөлж байгаа бидэнд хамгийн тов тодорхой мэдрэгдэж байгаа нэг л хүчин зүйл нь чонын нөлөө байж болох ч чоно дангаараа хавтгайн популяцийн өсөлтөд шийдвэрлэх хүчин зүйл байж чадахгүй. Чоно, хавтгай хоёр түүхэн урт удаан хугацаанд хамт амьдарч ирсэн бөгөөд экосистемийн үйл ажиллагаа хэвийн байгаа нөхцөлд нэг зүйл нөгөөгөө устгах шалтгаан болох учиргүй” гэжээ.

Хавтгайн орооны үед эмэгчний төлөөх буурын тэмцэл маш ширүүн болдог. Ид ороо орсон буурнуудын ноцолдоон үхлийн шархаар өндөрлөх тохиолдол их. Дархан газрын байгаль хамгаалагч, мэргэжилтнүүдийн 2004 оны өвлийн судалгаагаар Арслан хайрхан ууланд урд хөл нь гэмтсэн, хүзүү, толгойн хэсэг нэлэнхүй цус болсон залуу буур таарсан бол Атас уулын хойд аарагт хойд хөл нь түнхээрээ гэмтсэн болов уу гэмээр газар гишгэж чадахгүй болсон буур тохиолдож байжээ. 2014 оны хавар Шар хулсны баянбүрдийн арын сайрт хөл нь гэмтэж, хөдөлж чадахааргүй болсон, эрүү нь хугарч хооллох чадваргүй буурыг дархан газрын ажилчид ажиглажээ. Долоо хоногийн дараа очиход тэр буур тэндээ үхсэн байжээ. Мөн Баруун тооройн хөндийд толгой нь гэмтсэн залуу буур таарч байв.

Энэ бол зөвхөн нэг л жилийн ажиглалт шүү дээ. Байгалийн шалгарал гэдэг ийм л барьцгүй, бас хатуухан тавиланг хавтгайн төрөлтөнд заяадаг ажээ. “Английн хавтгай хамгаалах сан” нь Умард Ирланд, Их Британийн Нэгдсэн улсад бүртгэлтэй хандивын байгууллага бөгөөд мөхөж сөнөж буй төрөл зүйлийн наймдугаарт багтсан хавтгай тэмээг Монгол, Хятадын говь цөлд орших байгалийн амьдрах орчинд нь хамгаалах зорилгоор 1997 онд байгуулагдсан ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Агчбаяр: Миний уургач цагаан морь Очирваань бурхны унаа болж сэтэрлэгдсэн

Агчбаярын сэтэрлэгдсэн цагаан морины зураг одоо ч эзнийхээ хойморт бий

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн малчин Банзрагчийн Агчбаяртай уулзаж ярилцлаа. Агчбаяр гуай Буянт багийнхаа Засаг даргын албыг олон жил хашиж байсан, сумын алдарт уяач хүн аж.

-Отгонтэнгэр уулыг монголчууд эртнээс тахиж ирсэн шүтээн хайрхан гэдэг. Та энэ л хайрханы бэлд төрж өссөн хүн гэл үү?

-Би хүн болж хүзүү толгой холбосоор энэ л хайрханыхаа урд биед төрж, багаасаа цаст оргилыг нь харж, насан өтөл болтлоо эндээ л нутаглаж яваа хүн. Отгонтэнгэр хайрханыг 1700-гаад оноос тахиж ирсэн уул юм гэнэ лээ. Манай хошуу нэг тахьдаг, бас төрийн тахилгатай байсан гэдэг. Отгонтэнгэр уулын тухай нэг домог байдаг. Очирваань бурхан гээчийг нэгэн их хүчтэн Жагарын орноос нааш үүрч яваад даахгүй болохоороо цээжин биеийг нь энд авчирч тавьсан юм гэнэ лээ гэж аав ээж, өвөө эмээ минь ярьдаг сан. Дээр үед төрийн тахилгатай байхад нь Бадар хундаганы наана байгаа овоог тахьдаг байж. Тахьдаг лам нар нь хонины гүзээ авч явж тэрэндээ бие засдаг байсан юм билээ. Бүсгүй хүн тахьдаг овооноос цааш гардаггүй л гэдэг байсан. Тэр тахьдаг овооны тэнд дөрвөн хөлтэй, дал гаруй килограммын ширмэн бойпор байсныг аймгийн музейд тавихаар тавиад онд авч явсан яриа байдаг. Арц уугиулдаг тэр том бойпрыг тэмээгээр ачиж явахдаа хөлийг нь хугалчихсан юм билээ. Намайг дунд сургуульд байхад Отгонтэнгэр уулыг далайн төвшнөөс дээш 4031 метр гэж заадаг байсан. Гэтэл одоо 4009 метр гэх юм. Намдчихна гэж баймааргүй л юм.

-Уултай холбоотой дурсамж танд их байгаа даа?

-Жаран гурван онд Германы уулчид оройд нь гарсны дараа онгоц уналаа гэж хөгшчүүл ярьж байсан. Дөч гаруй хүнтэй онгоц осолдсон юм билээ. Унасан онгоцыг хайхаар Цог генерал гэдэг хүн баахан цэрэгтэй явж байна гэж байлаа. Тэр үед жигтэйхэн их манантай жил байсан. Нэг бороотой өглөө би хонь хариулаад явж байтал Отгонтэнгэр уулын урд талын Баян уул гэдэг өндөр улаан уулын хажуугаар тэр онгоц гараад явчихсан юм. Тэгэхнээ л тэр онгоц Отгонтэнгэрийг мөргөчихсөн юм билээ. Энэ Баян уул чинь сонгинотой, ар руугаа ус урсдаг, бас их өндөр хайрхан. Тэгэхээр их доогуур нисэж явсан онгоц байгаа юм. Тэр өдрийн нөгөөдөр нь болсон чинь машин техниктэй улс манайхаар ирээд “Үүгээр онгоц үзэгдэв үү” гээд асуудаг юм. Манайх тэр үед Баян уулын архан талд зусаж байв. Машинтай дарга нар ээжийг гаднаас дуудаад “Онгоц харсан гээд байгаа хүүхдээ гаргаад ир” гэж. А жаран ес гэдэг машинтай тэр улсад би онгоц харснаа хэлсэн. Бороохой нисгэгчийн барьж явсан ногоон онгоц гээч юмыг л эрээд байсан.

-Бас нэлээд эрж хайжээ, янз нь?

-Мөнх цас, асга хоёрын заагт далавч нь зоогдоод, толгой хэсэг нь хавцал руу шидэгдсэн байдалтай осолдсон нь олдсон байдаг. Тэр онгоцны осол баруун хавцалд болсон. Бурхан болоочид саяын уулчид зүүн ангал руу унасан байна лээ.

-Отгонтэнгэр хайрханыг тахих төрийн тахилгын үеэр Ерөнхийлөгч нар цагаан морь сэтэрлэж тавьдаг нь ямар учиртай юм бол. Таны нэг морь сэтэрлэгдэж байсан гэл үү?

-Пунсалмаагийн Очирбат гуай Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон. Түрүүний нь тахилгаар Банзрагч гэдэг хүний хурдан бор морийг эхэлж сэтэрлэсэн юм. Тэгэхэд доктор Х.Нямбуу гэдэг хүн сарын өмнө ирж төрийн тахилгыг яаж хийх ёстойг манай нутгийнханд болон Завхан аймаг, Отгон сумдын удирдлагуудад зөвлөгөө өгсөн. Тэгээд тэр цагаан морийг сэтэрлэсэн юм. Тэр нь хөгшин морь байсан. Дараагийн дөрвөн жил болж тахихад миний дөнгөж гүйцэж байгаа цагаан морийг сэтэрлэж байсан. (Хоймрын гүнгэрваан дахь бараан, цагаан хоёр морины зургийг заав. сур)

-Зургаан настай морь байсан юм байна шүү дээ?

-Тийм. Би тэгэхэд энэ Буянт багийн дарга байсан юм. Хэд хэдэн хүнд “Төрийн тахилга болох гээд байна. Цагаан морь өгөх арга байна уу” гэтэл их дурамжхан байна. Морь олдохгүй болохоор өөрийнхөө бор морийг барьж уясан. Тэрнээс хойш миний цагаан морь гурван төрийн тахилга өнгөрөөсөн. Ерөнхийлөгчид ариулсан хадаг уяад адуунд нь тавина.

-Та бор морио их нас хүртэл нь сойж уралдуулж байв уу?

-Уралдаж байгаагүй морь. Сайхан уургач адуу байсан. Соёолон наснаас морь хөөж уургач болгоод байлаа.

-Таныг сумын алдарт уяач гэж сонссон. Амжилт хэр байв?

-За, нэг их сүртэй том уяач биш шүү дээ, би. Сумынхаа наадмаас нэг түрүү, арваад айраг авч байсан даа.

-Төрийн тахилгатай, хайрханы хөлөгт эмээл тохож барихгүй биз?

-Сэтэрлэснээс нь хойш унаж барьж болох уу гэтэл “Эзэн хүн нь эмээллэж болно” гэсэн. Би хааяа “Уургач адгуус байсан юм даа, хөөрхий” гэж хөлсийг нь гаргаад тавина аа.

-Та ч тэгвэл Богд Очирваанийхаа хөлгийг унаж байсан хүн байна шүү дээ?

-Унаж байсаан. (Инээв. сур) Угаасаа уулынхаа өвөрт нэг сэтэртэй морь байх ёстой юм гэнэ лээ. Хөөрхий, хайрханы цагаан унаа маань ертөнцийнхөө жамаар өтөлж өнгөрсөн дөө. Бурхад чинь бүгд тус тусын унаа хөлөгтэй юм билээ ш дээ. Намсрай бурхан гэхэд ухаандаа халиун морь хөлөглөх учиртай. Очирваань бурхан цагаан морь хөлөглөдөг.

-Отгонтэнгэр уулыг нутгийнхан их олон янзаар нэрлэх юм аа?

-Бид Цагаан уул гэнэ. Ер нь Отгонтэнгэр гэсэн нэрийг нь хэр барагтай бол хэлэхгүй шүү. Цаст хайрхан, Цагаан хайрхан, Богдын өвөр, Очирваань хайрхан, Цагаан өвөө гээд хүн бүхэн л өөр өөрийнхөөрөө сэтгэлдээ сүлдлэн сүсэлж, сүү цайныхаа дээжийг өргөж байдаг юм. Манай хөгшин бол өглөө оройгүй дээжээ өргөнө шүү.

-Хайрханд мөргөхөөр очсон хүмүүс Бадар хундаганд мөнгөн аяга шидээд байдаг гэсэн. Энэ ямар учиртай юм бол?

-Дээр үед хошууны ноён уулаа тахихдаа мөнгөн мандаа, ембүү шиддэг байсан юм гэнэ лээ. Мөнгөн мандаа гэж хавтгай тавгархуу зүйл байсан гэдэг. Бадар хундага гэдэг чинь нэг ёсондоо Очирваань бурхны аягатай рашаан нь юм гэсэн. Энэ рашаан руу сүү, цагаан идээ өргөдөггүй. Ууландаа л цагаан идээ, сүү, цайныхаа дээжийг өргөдөг. Нутгаас хол яваа хүн нэг мөргөөд явахад гурван жилдээ ажирдаггүй гэсэн үгтэй. Сүүлийн үед л хүмүүс мөнгөн аяга шиддэг болсон юм гэнэ. Намар усны хаялгаар шидэгдсэн аягыг түүхээр буруу санаатнууд ч зорьж ирдэг болсон л гэх юм.

-Богд Очирваанийн их хөлөгч таны ажил үйл ч өөдрөг гэгээн байдаг байлгүй?

-Их хайрханыхаа ивээлээр амьдрал ахуй олноос дутуугүй сайхан л явдаг, хөөрхий. Би насаараа л Отгон сумандаа жолоо мушгисан хүн. Монгол Улсын хөдөлмөрийн баатар Адьшаажав гэж мундаг хүний тэргийг би долоон жил барилаа. Сүүлд найман жил багийн даргаар ажиллалаа. Гурван хүү, ганц охинтой. Охин Цогзолмаа Архангайн Багшийн сургууль дүүргэж, нутгийн хүнтэй гэр бүл болж тэндээ амьдарч байгаа. Гурван хүү Улаанбаатар хотод аж төрж байна. Ууган хүү Баянхалиун хувиараа аж ахуй эрхэлнэ. Дунд хүү Баяндорж Монгол Улсын Дээд шүүхийн жолоочоор ажиллаж байна. Бага хүү Баянбаатар маань Улсын хоёрдугаар төрөх эмнэлэгт эх баригч их эмчийн албатай. Очирвааниа шүтэж явахад амьдрал үргэлж өөдрөг гэрэл гэгээтэй л байна. Хүн аюул осолд өртөхдөө ээжээ дууддаг шиг манай нутгийнхан Богд Очирвааниа л дууддаг. Нэг хүн мориныхоо дөрөөнд чирэгдэхдээ “Ээж минь” гэж уулга алдаад хөл нь дөрөөнөөс салж байсан гэдэг.

Хад руу нүүсэн бас нэг хүн “Ээ, Очирваань минь” гэж хашгиртал хадны үе дээр тогтож байсан түүхтэй. Нутаг ус гэдэг цаанаасаа л эзэн хүнтэйгээ хүйгээр холбоотой байдаг юм байна. Хүн байтугай мал хүртэл нутагтайгаа хүйн салшгүй холбоотой байдаг гэдэг. Жараад онд Энэтхэгт аваачсан нэг цагаан азарга Монголдоо гүйгээд хүрээд ирсэн гэдэг яриа ч сонсогддог л байсан.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баянаа: Усанд далд орсон машинаас арваад хүн аварч байлаа

Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Баянаатай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Онцгой байдлын газар хэмээх энэ хэцүүхэн албаны урдаа барьдаг чадварлаг ажилтны нэг хэмээгддэг юм билээ.


-Онцгой байдлын аврагч хүн гэдэг дуудлага ирсэн үед бэлэн байдалд байх ёстой бэрх л алба юм даа. Хэдэн жил ажиллаж байна?

-Би Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул хүн. Онцгой байдлын газарт ажиллаад хорь гаруй жил болж байна.

-Гал, усны гамшиг гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг аюул гэгддэг. Голдуу ямар дуудлагаар явж байв?

-Гол усны голдуу дуудлагаар ажиллаж ирлээ. Ихэнхдээ нутгийн нууранд осолдож эндсэн хүмүүсийн цогцоснуудыг гаргаж байсан.

-Гаргасан хүнийхээ тоог багцаагаар гаргаж үзэв үү?

-Яг таг тоолж үзээгүй юм байна. Багцаагаар хориод шарил гаргаа болов уу.

-Завхан аймаг Алтай, Хангайн нуруудын олон нуур цөөрөмтэй. Чухам ямар нууруудад шумбан ажил үүргээ гүйцэтгэж байсан бол?

-Эрдэнэхайрханы Цагаан нуур, Улаагчины Хар нуур, Отгон сумын Буянт гол, Улиастайн Чигэстэйн гол, Богдын гол зэрэг олон л газраас хүн гаргаж дээ. Завхан аймгийн ойролцоо урсдаг Богдын гол 2000 оны зун улаанаар эргэлдэж сүйд болоход үерийн дуудлагад явахдаа машин нь усны мандалд далд орчихсон арваад хүний алтан амийг аварсан. Морьтой хүн ч айгаад ойртохгүй байсан шүү, тэр үед. Энэ миний усчин болсны хамгийн том ажиллагаа юм уу даа.

-Ер нь усанд живсэн хүнийг гаргахад хэдэн метр гүн усанд шумбах вэ?

-Хамгийн наад тал нь л таван метр гүн усанд шумбах энүүхэнд. Сантын Баян нуурт хүн эндчихлээ гэсэн дуудлагаар очиж дөчөөд метрт орж байсан. Нуурын замгийг цэвэрлэхээр зангуу чирнэ. Зангуу гэдэг маань урт олсонд туухай зүүж хоёр талаас нь татахыг хэлж байгаа юм л даа. Дом бодож тулга чирнэ.

-Тулгаар яаж домноно гэсэн үг вэ?

-Гал, ус хоёр харш гэж ярьдаг даа. Тэр утгаар галын тулгаас лус эмээдэг гэсэн дом юм уу даа. Хамгийн гол нь тулга арзгар тотготой учраас замаг намгийг ихээр шүүрдэж гаргаж ирдэг юм.

-Гол ус их үерлэдэг хамгийн хэцүү газрууд аль суманд их байдаг бол?

-Тэлмэн сумын Бүст нууранд хөлгүй тогтоол цүнхээлүүд их байдаг. Ёроол ёзоор нь ёстой харагдана гэж байхгүй. Юу ч харагдахгүй, түнэр хар цүнхээлүүд. Тэр ёроол харагддаггүй нь дүүрэн өт хорхой байдгаас болдог юм билээ. Цүнхээлүүдийнх нь гүн дор хаяж л арваас хорин метр хүрээд байх шиг байдаг юм.

-Усанд живсэн хүн ямаршуухан байдалтай байдаг бол. Өнгөрчихсөн гэхээр айдас төрөх үү?

-Ямар ч хүнд хэцүү үед үүрэг гүйцэтгэх тангараг өргөсөн болохоор дуудлага л ирсэн бол шөнө орой ч бай, өвөл зуны алинд ч байсан хэргийн газарт очиж ажиллах нь бидний үүрэг. Хойш суух юм уу, зүрхшээж эмээх ямар ч эрх байхгүй. Аль ч үеийн төр засаг маань Онцгой байдлынхан бидний ажлын байр, цалин хангамжийн талаар санаа тавьж ирсэн болохоор бид өмнөх ажлаа л нэр төртэй хийхийг эрмэлздэг. Тэрнээс айж эмээгээд байх утгагүй. Нуур цөөрөм, тогтоол цүнхээл усанд живж нас барсан эрэгтэй хүн голдуу л доошоо харсан байдалтай байрладаг. Хүндийн төв нь л тэгж татдаг байх.

-Өө, ямар сонин юм бэ?

-Усны гүн дотор фосфортож гэрэлтсэн цав цагаан юм л харагдана. Удаад өт хорхойд идэгдчихсэн бол уснаас гаргуут л энд тэндээс нь цус гоожоод ирдэг. Усанд өнгөө алдаагүй цав цагаан байсан шарил агаарт гаргаад ирүүт хөхрөөд харлаад эхэлдэг. Уснаас шарил гаргах эхний үед зүүдэнд орж ирээд, нүдэнд үзэгдээд их бодогддог л байлаа. Одоо ч төрийн сүлд минь харж байгаа гээд огт тоохоо ч больж дээ.

-Усны гүнд их хүйтэн байдаг уу?

-Одоо усны хувцастай ордог болсон болохоор харьцангуй гайгүй шүү. Тэрнээс арваад метрээс доошхи усны хэм их хүйтэн. Ихээр ч барахгүй аймаар хүйтэн. Яс янгинанам хүйтэн гэдэг л тэр байх. Их хүйтэн усанд орчихоор хоёр чихээр янгинатал хатгуулж өвдөнө.

-Яаж яваад усчин-аврагч гэдэг мэргэжилтэй болчихов. Жолооч ч юм уу, эсвэл ямар нэг эрсдэл багатай ажил сонгож болоогүй юм уу?

-Манайх Хар нуур, Тээлийн гол гэж жигтэйхэн ус ихтэй нуур голтой газар жилийн жилд зусдаг байлаа. Хүүхдүүд бид голын усанд умбаж, нууранд шумбаж л өнжинө. Манай Тээлийн гол чинь зарим газартаа гүнзгий нь 12 метр гүн уулын гол шүү дээ. Ёстой загас жараахай шиг байсан гэхэд хилсдэхгүй. Намайг 16 хүрдэг жил манай хамт олон Ховд аймгийн Хар ус нуурт тэмцээнд оролцохоор явах замдаа манай Хар нуур дээр үдлэн амрахдаа намайг усанд сэлэхийг хараад байсан юм билээ. Тэгээд надад санал тавьж, аав ээжид хэлээд авчирч байлаа. Түүнээс хойш энэ албанд завсаргүй ажиллаж байна даа.

-Энэ олон жилд ямар амжилтын эзэн болов?

-Усчин аврагч орон тоон дээр ажиллаж эхэлснээс хойш 2012 онд Аварга аврагч ажилтан болж байсан минь дурсгалтай санагддаг.

-Отгонтэнгэр хайрханд эндсэн уулчдыг хайх ажиллагаанд танай хамт олноос нэлээд хүн хүч ажиллав уу?

-Гуравхан сая иргэдээс маань уулын спортод сэтгэл зүрхээ өгсөн арван долоон сайхан зоригтон эндсэнд харамсаад баршгүй. Манай Онцгой байдлын газрын шинэ байрны нээлт 22-ны бүтэн сайн өдөр болж байсан юм. Тэгтэл гэнэт түгшүүр зарлаж манай Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдын тушаалаар бидний арван гурван хүн Отгонтэнгэр хайрхан өөд очиж ажиллах аврах хүч хэрэгслийн томилгоонд дайчлагдсан.


Categories
мэдээ цаг-үе

Самандарын Цогтбаяр: Чадахгүй юмандаа тэчьяадан шунах нь зовлонгийн эх үүсвэр

Түрүүч нь 240(5807) дугаарт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зургийн мастер Самандарын Цогтбаяртай уулзаж хөөрөлдлөө.


-Японд дайны үед “Өлбөрч үхсэн ч хулгай хийхгүй” гэсэн ёс зүйтэй байсан гэж та хэллээ. Манайд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гэлтгүй биесээ хулгайч, төрийн мөнгөөр мөрийтэй тоглосон гэж парлементын танхимд үзэж тарах юм. Энэ хоёрын хоооронд тэнгэр, газар шиг ялгаа байна аа даа?

-Төрийн ордонд түмэнд шившгээ дэлгэж байна аа гэдэг чинь бидний л тусгал. Монгол Улс төрийн түшээдээ ард түмнээсээ сонгодог ардчилсан сонгуультай улс. Бид л ийм хүмүүсийг өөрсдийгөө удирдуулахаар гаргаа биз дээ. Ард түмэн бидний л нэг тусгал болохоор үүнд нэг их гайхаад байхаар зүйл байхгүй. Хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” аяныг бид санаачиллаа. Тэгэхэд сэтгүүлчид “Хүчирхийллийн нийгмийн үндэс нь юу байна. Ядуурал юм биш үү” гэж асууж байна. Энэ аягүй буруу үзэл. Хүн ядуу байна гэдэг юу ч хийж болно гэсэн үг биш. Ядуу байлаа гээд хулгайлах, хүчирхийлэх, буруу амьдрах шалтгаан биш. Энэтхэг ч юм уу, Зүүн өмнөд Азийн ядуу орнуудыг харахад Буддын шашин, хиндү шашин нь нийгмийг нь авч явж байна. Биднээс үгээгүй ядуу хэдэн зуун сая хүнийг түүчээлж явж байгаа юм чинь материаллаг орчин, улстөр биш. Ердөө л айж ичихийн ёс зүй, шашин нь хөтөлж байгаа юм. Энэ гайхамшигтай ёс зүй монголчууд бидэнд байхгүй болчихсон байна. “Амьдрах гэж ядаж байхад…” гэдэг муухай үг байна. Би бүүр хараалын үгээр хэлье л дээ. Энэ ёстой лалрын үг байгаа байхгүй юу.

-Хүн бүхний амнаас шахам гардаг үг шүү?

-Хүн болж төрчихөөд хэний төлөө амьдарч байгаа юм. Өөрөө өөрийнхөө л төлөө амьдарч байгаа шүү дээ. Хэнд амьдралаа лаахайдаад байгаа юм бэ. Хэн хүнд боломж байхгүй байлаа ч улсаас өгч байгаа шат дараалсан халамж хэтрээд байгаа шүү дээ. Энэ халамж хүмүүсийг бусдад амьдралаа лаахайдах боломжийг улам ихэсгэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмзэг бүлгийнхэн ч юм уу, нийгмийн тодорхой хүрээний халамж шаардлагатай хүмүүстээ үнэхээр хэрэгтэй. Үүнийг хөргөгч, зурагтыг нь тоололгүйгээр зөв шударга судалгааны үндсэн дээр амьжиргааны төвшинг нь ухаалгаар тодорхойлж олгох учиртай. Хавтгайрсан халамж гэдэг тэмцэх чадвар, бүтээлч байдлыг устгаж, залхуу хойрго, арчаагүй хүн сүргийг бий болгоно. Тиймээс хүн хэдий ядуу байлаа ч хүн алж, хулгай хийж, хүчирхийлж болно гэсэн хангалттай шалтаг биш.

-Баян, ядуугийн ялгаа их боллоо. Нийгмийн дундаж хэсэг устлаа. Нийгэм сөхөрч уналаа гээд шуугицгаах юм. Үнэхээр дайны фронтын хэмжээнд энэ бүхэн хүрчихлээ гэж та бодож байна уу?

-Баян, ядуугийн туйл гэсэн хэсэгт цөөхөн хувь нь л хамаарч байгаа болохоос Монголын нийгмийн гишүүдийн аж төрлийн төвшин үндсэндээ ойролцоо л байгаа. Бидний амьдрал ч овойж оцойсон юм байхгүй шүү дээ. Овойж оцойсон биш энэ амьдралдаа сэтгэл ханамжтай байдаг учраас материаллаг баялгийг эзэмшсэн хүмүүсээс илүү аз жаргалтай байгаад байгаа, ялангуяа урлагийнхан. Зохиолч, яруу найрагчид, хөгжмийн зохиолч, зураачид чинь ядуу ч гэсэн хамгийн аз жаргалтай улсууд байдаг. Магадгүй, уух архиныхаа мөнгийг ч хүнээс гуйгаад авдаг мөртлөө өнөөдөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай байна гэдэг чинь дотоод амар амгалан, ертөнцийн хоосон чанарыг ойлгочихсон хүмүүс байгаа байхгүй юу. Ийм гайхамшигт сэтгэл, энэ хандлага өнөөгийн нийгмийн маш олон хүнд хэрэгтэй байгаа юм. Ийм сэтгэлтэй байлаа гээд амьдралдаа арчаагүй бай гэсэн үг биш л дээ. Байгаа нөхцөл байдалдаа сэтгэл ханамжтай бай. Тэр бол хүний амар амгалангийн хамгийн гол зүйл шүү. Хэрвээ хүн чадахгүй юмандаа тэчьяадан шунаж, нисванисын сэтгэлийг үүсгээд байвал тэр чинь зовлонгийн эх үүсвэр болно.

-Цагийн дөрвөн эргэлтэд нүүдэллэж ирсэн монголчууд, олон мянган жил хэрэм хананд суурин амьдрагч иргэншил хоёрын хооронд их л ялгаа байх шиг санагддаг даа?

-Аж төрөл, соёлын хамаагүй их ялгаа байлгүй яахав. Тэнгэр заяатай монголчууд гэдгийг бид улиг болтлоо ярьсаар үнэ цэнийг нь унагаад байгаа болохоос уг нь бидэнд тийм шинж чанар маш их байдаг. Үнэхээр бид энэ тэнгэр заяагаа зөв ойлгоод чиглүүлж чадвал гайхамшигтай авьяас, чадварыг өвөг дээдсээсээ өвлөчихсөн ийм ард түмэн. Нүүдэлчин ахуй гэдэг бол дасан зохицох чадвар, хувьсан өөрчлөгдөх чадамж үнэхээр гайхамшигтай. Тийм ч учраас арвангуравдугаар зуунд, Хүннүгийн үед гээд хэд хэдэн удаа дэлхийг эрхшээж байсан. Ийм агуу ард түмний үндэс угсаа байж бид ийм залхуу залхаг, худалч, хулгайч байж болохгүй. Худлаа цээжээ дэлдээд байх биш өөрсдөө боловсрох, хөдөлмөрч байх хэрэгтэй байна. Энэ хэцүү зүйл биш. Хүн бүхэнд адилхан боломж байгаа. Боломжийг ашигласан нэг нь л хөгжөөд байгаа. Бүгд л энэ хөгжил рүү хошуурчихвал Монгол жинхэнэ тэнгэр заяат гэдгээ батална. Сайхан үгээр өөрсдөдөө нэр хаяг өгөөд нэмэргүй. Спорт, сонгодог урлагаараа дэлхийд гайхуулж байгаа шигээ эдийн засаг, технологийн салбарт оюуны хөгжлөөр тэргүүлж чадвал тэр жинхэнэ тэнгэрлиг заяа. Би ч хэдий хөгширснөө мэдэхгүй мэдээллийн технологийн компанид залуустай хамт мөр зэрэгцэн, зөвлөх хийгээд явж л байна. Бид болж бүтэж байгаа юмаа олж харахгүй баасан дээр шавчихсан ялаа шиг харанхуй бараан бүхэн рүү л шаваад байх юм. Баас бол тусдаа ш дээ, жорлонд л байх ялгадас. Жорлонгоосоо холдоод тариан талбай ч юм уу, гэрэлтэй гэгээтэй алсыг харах өндөр товцог дээр гараач ээ гэмээр байдаг. Уулын орой дээр гарах гээд хүсэл тэмүүллээс ч илүү зориг эрмэлзэлдээ хөтлөгдөж явсан арван долоон сайхан залуу алтан амиа хүртэл алдаж байна ш дээ.

-Хайран сайхан залуус харамсалтайгаар амиа алдсан шүү?

-Энэ миний хувьд харамсалтай ч нэг бодлын үнэхээр бахархал. Гэрэл гэгээнд тэмүүлж явж байж амиа өргөж байгаа нь гайхамшиг. Хүмүүс үүнийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. “Яагаад тэр хүйтэн оргилд мацдаг байна. Юу дутсан гэж ууланд гарна вэ. Над шиг “Ардын буйдан” үзээд жав жув гээд байж байхгүй” гэж хүмүүс коммент бичээд байгаа. Гэтэл тэдний үйлс чинь тэс өөр юм байхгүй юу. Уулын оройд гараад тэр алсыг хараад, өөрөө өөрийгөө ялж байгаа тэр таашаал, тэр мөч гэдэг хүнд асар их өөрчлөлтийг авчирдаг. Тэр зүйлийн төлөө тэмцэж явж байгаад амь насаа алдсан тэднийг би баатрууд л гэж хэлнэ. Яахав дээ, юмны гай л таарлаа. Байгалийн араншинг таахын аргагүй оньсого. Яг энэ залуус шиг өөрсдийгөө золиод, эрсдэл хийн тэмцэж, өндөрлөг өөдрөг гэрэл гэгээ рүү тэмүүлээч л гэж хэлмээр байна. Аль болох л хамгийн харанхуй, хамгийн өмхий, хотын мухарт байдаг бааруудад очиж хамгийн хямдхан шар айраг, хамгийн хямдхан найруулсан архи ууж байгаа улс тэд биш. Өндөрлөг дээр ч гэсэн халуун кофе балгаад, коньяк шимээд сууж байх боломж залуучуудад маань бүгдэд нь байгаа. С.Зоригийн хэлдгээр би монгол залуучуудынхаа саруул ухаан, сайхан ирээдүйд үнэхээр итгэдэг.

-Хавтгайрсан халамж бол аливаа үндэстнийг мохоож мөхөөх хор шахуу л юм ярих юм. Гэтэл манай Засгийн газар чинь төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тэтгэлэг өгнө л гэх юм. Ямар ч санаатай сайд нар юм бэ дээ?

-Энэ бол тэсэн тогтохын тулд төрийн албан хаагчдад өгч буй улстөрийн авлига. Тэрнээс тэдний сайн сайханд нэмэр болох гэсний илэрхийлэл биш. Хүмүүс мэддэгээрээ л цэцэрлэг, сургууль барьчихгүй гээд байгаа болохоос энэ их мөнгийг зарцуулах хөгжлийн тодорхой талбарууд бий л дээ. Авлига өгөх арга нь яавч биш ээ. Ер нь төрийн алба хааж буй багш, эмч, цагдаа, хүчний байгууллагынхан, аюул осолд амь насаа ч үл хайрлан явдаг Онцгой байдлынханд төрөөс онцгойлон анхаарч байх ёстой. Цалин бага гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Эдгээр салбарынхны цалинг бодитой тооцож судлаад шат дараатайгаар нэмэх нь зөв. Нэг удаагийн гал унтраасан ийм авлига харин хэрэггүй. Төрийн албан хаагчид ч үүнийг өөрсдөө эсэргүүцэж байгаа шүү дээ. Монгол хүний амьдралын дархлааг алж, байгалиас өгөгдсөн чадваруудыг үгүй хийж байгаа авлига л гэж хэлнэ. Монгол хүн бэрхшээлийн өмнө бууж өгдөггүй. Хэдэн мянган жилийн түүх үүнийг батална. Хэн ч биш, эрлийз хурлийз үлбийсэн сулбайсан хэсэг бүлэг хүмүүс болгоод хаячихаж байгаа юм чинь л энэ халамж тэтгэмж. Хэдэн мянган жилийн түүхийнхээ өмнө бид ийм байдалд дассанаараа хамгийн өөдгүй балиар паразит хүн сүрэг болон хувирч байгаа нь л дэндүү харамсалтай. Халамжийн сэтгэлгээнд дассан хүн сүргийн ихэнх нь байгалийн хуулиар бол заазанд явахаар бэлтгэгдчихлээ. Сүргийг оройлж явдаг цэгц, тэргүүн нь байхгүй болчихлоо шүү дээ. Тийм болохоор энэ сулбайсан байдлаасаа яаж хурдан гарах вэ гэдгээ л бодох хэрэгтэй.

-Яаж гарах вэ, таныхаар бол?

-Оюуны түүчээ мэдээж хэрэгтэй. Манай Баабар, Цэнддоо нарын эрхлэн гаргаж байгаа “НЕПКО”-гийн номууд бол Монголын нийгмийг оюун санааных нь хувьд маш сайхан бэлтгэж дасгалжуулах оюуны бүтээлүүд болсон. Ерээд оноос хойш хичнээн ч бүтээл гарав. Энэ бүгдийг уншиж, оюун санаандаа шингээж чадвал шашин, бизнесийн арга туршлага, хүний нийгмийг туулсан түүхийн хувьд маш зөв мэдээллүүдийг хангалттай өглөө ш дээ. Эдэн шиг салбар салбартаа чаддаг бүхнээ хийгээд яваад байхад хөгжил гэдэг энүүхэнд байна. Миний хувьд соёл урлаг, дүрслэх урлагийн чиглэлээр л өөрийн чаддаг юмаа хийсээр л өдий хүрлээ. Би тодорхой хэмжээний өндөрт хүрвэл энэ салбарт хүч үзэж байгаа залуустаа л эргээд тусалмаар байна. Энэ л миний гол зорилго. Манай Дашбалбар найрагчийн “Амжиж чи алдрын зэрэгт хүрсэн бол аз жаргалын хаалгыг бусдад нээж өг” гэсэн гайхамшигтай үг байгаа ш дээ. Гэтэл манай сэхээтнүүдийн хувьд бэртэгчин шинж нь ердөө арилдаггүй. Хамгийн их хувиа хичээгсэд сэхээтнүүд байдаг байхгүй юу. Хамгийн их зүйлийг мэдэж байгаа мөртлөө бусдадаа, хойч үедээ хэлж өгдөггүй нь дэндүү муухай. Зөвхөн миний гэр бүл л болж бүтэж байвал бусад нь хамаагүй гэсэн үзэлтэй. Манай хаалганаас цаашхи нь надад хамаагүй, босгоноос нааш л надад хамаатай гээд байдаг. Уг нь нийгмээ түүчээлж явах хүмүүс нь сэхээтнүүд байхгүй юу. Ихэнх улс орнуудад аливаад хамгийн их сэргэг мэдэрч, түүчээлж явдаг хэсэг нь сэхээтнүүд, хамгийн шударга, гинжнээс өөр алдах юмгүй гэдэг шиг степэнднээс өөр алдах юмгүй оюутнууд өөрчлөлтийн гол хүч нь болдог. Гэтэл манай оюутнууд чинь далан мянган төгрөгтэйгөө зууралдаад байна. Тиймээс би сэхээтнүүдийг нүдээ нээ л гэж хэлье. Бусдад туслаач ээ, бусдад өгөөч ээ гэе.

-Та өөрөө аль хэр нүдээ нээсэн хүн бэ дээ?

-Мэдээж би амьдралдаа аягүй их алдаж байсан байж магадгүй. Тиймээс миний гэмшил, алдсан цаг хугацаа, харамсал энэ бүхнээ нөхөх гэж би одоо хичээж байж магадгүй. Өчнөөн олон уран бүтээл хийх, эрүүл саруул байх цаг хугацаагаа бор дарсанд зориулсандаа харамсаж л явдаг. Энэ алдааг залуус минь бүү давтаасай, түр зуурын амжилтад сагсуурч онгирох гэдэг хүнийг ганц алдаг юм шүү гэдгийг л залуустаа хэлдэг. Нүдэн дээр алдаад байхаар би хэлэхээс өөр аргагүйд хүрдэг. Энэ надад ямар хамаатай юм бэ, ямар миний хамаатан, дүү биш гээд орхиж болохгүй ш дээ. Ахан дүүсээс өөрцгүй нэг цустай монгол хүн юм чинь миний л хүүхдээс өөрцгүй. Хүнийрхүү сэтгэлээ үгүйсгэж чадвал бүгдийг энэрэх сэтгэл үүснэ.

-Та “Тоншуул”-ынхнаасаа би сайн сайхныг олж авсан гэж байсан. Тухайлаад яриач!

-Би наян таван онд МАХН-ын Төв хорооны “Үнэн” сонины дэргэдэх “Тоншуул” сонин гэж төрийн төв хэвлэлийн статустай байгууллагад уран бүтээлийн гал тогоонд хөл тавин орж байсан. Дүрслэх урлагийн сургууль дүүргэж нэг жил багшлаад хүүхдээрээ шахуу л тэнд очсон. Тэр гайхамшигтай орчинд очсон миний их хувь заяа гэж бахархдаг. Магадгүй би өөр газар орсон бол өнөөдөр ингээд сууж байхгүй, сураг тасарчихсан ч байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ их буян заяаг л дааж явах юм сан гэж боддог. Миний багш нар бол Монголын сор болсон уран бүтээлчид ажиллаж байлаа. Манай Арнайн Гүрсэд, Минжаахайн Гүрсэд, Иштавхай гуай, Жамцын Шагдар, Цэвэгийн Байды, Цэндийн Доржготов, Цэдэв ах, Ишдоржийн Цэрэнжамц, Шагдайн Цэнд-Аюуш, Б.Ерэнтэй нарын нэрийг нь сонсоод сүрдмээр гайхамшигтай уул хангай шиг түшигтэй сайхан хүмүүстэй ажилласан хувь заяандаа баярладаг. Тэд маань сайхан уран бүтээлчдээс гадна хамгийн гол нь хүнийхээ хувьд гайхамшигтай хүмүүс. Амьдралынх нь хэв маяг, хандлага нь надад маш их нөлөөлсөн. Одоо хүртэл тэд өөрсдийн үнэт зүйлээ ямар нэгэн материаллаг зүйл, нам, шагналаар арилждаггүй. Ц.Доржготов гуай, Байды багш нар хэзээ хойно төрөөсөө хишиг хүртсэн. Төрөө шүүмжилдэг хүмүүст төр жаахан хатуу л зан гаргадаг юм шиг байна лээ. Сүүлд насныхаа эрэмбээр л авах ёстой шагналаа авсан. Би магадгүй багш нар шигээ байж чадаагүй байх аа. Тэдний Монголын залуусын сэтгэлгээнд үлдээсэн өв гэдэг гайхамшигтай. Ялангуяа зохиолч Доржготов гуайн гэхэд бүхэл бүтэн фэн клуб байна шүү дээ.

-Хэн хэн шүтэн биширч байна?

-Манай Баабараас өгсүүлээд “Хонх”-ын Цогтсайхан, Төрөө нарын маш олон хүн их хүндэтгэдэг. Одоо хүртэл цаг үедээ таарч эвлэрчих юм сан, гэж айж ичихгүйгээр туурвиж, энийг өөрчилчих юм сан засчих юм сан гэж үргэлжид тэмцэгч байдаг хүн дээ. Энэ үнэт зүйлийг дэргэд нь бага ч болтугай байсан хүний хувьд өөртөө шингээж аваад үлдчих юм сан гэж хичээж явах юм даа. Миний сав тэдний хэмжээнд хүрэхгүй ч өөрийнхөөрөө багш нарынхаа хандлага, агуу ухаанаас хутгаж авахыг хичээж л явна даа.


Categories
мэдээ цаг-үе

Самандарын Цогтбаяр: Бухимдаж ядаргаатахгүй байхын нууцыг би “Тоншуул”-ынхнаасаа олж авсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, шог зургийн мастер Самандарын Цогтбаяртай уулзаж хөөрөлдлөө. “Тоншуул”-аар овоглосон эл уран бүтээлч “Учиртай инээд”, “Төрийн төлөө оготно”, “Шог зургууд” зэрэг бүтээлүүдээ нийтийн хүртээл болгожээ.


-Аливааг дандаа хараар харахаас илүүтэй өөдрөг сайхан талаас нь хардаг философи нийгмийг урагш хөтөлж явдаг. Өөдрөг үзэл нийгмийг урагшлуулагч галт тэрэг байлаа гэж бодоход та ч бас толгой зүтгэгчдийн нэг нь байх шүү?

-Хүний амьдрал өөрөө жаргал, зовлон хоёрын нийлэмж. Манай Со гавьяатын үгийг нь бичсэн “Жамаас” гээд сайхан дуу байдаг шүү дээ.

“Нартад хоёрхон үнэн байдаг болохоор

Ирж мэндлэх, буцаж төгсөх тавилантай шүү

Хоёрхон үнэн байдаг жамаас зугтах гээд яах вэ

Үнэнд сөгдөж, сайханд ойрхон явъя даа” гээд. Үхэх, төрөх хоёр л үнэн хорвоо шүү дээ.

Тийм болохоор аливаа зүйлийн гэгээтэй талд фокуслаад, анхаараад явбал өөдрөг өнгөлөг амьдрах боломж нь хүн бүхэнд хангалттай нээлттэй бий. Манай Пүрэвбат ламтны хэлэх дуртай, алдартай сайхан үг байдаг даа.

-Ямар үг билээ?

-“Хүн болгоныг алтан нарны гэрэл ялгалгүй ивээнэ. Нарны туяа ялгалгүй тусаж байхад л зарим хүн буруу харсан нүхийг өөрсдөө ухан орж суучихаад “Нарны гэрэл над дээр туссангүй” гэж гоншгоноод гомдоллоод байдаг нь мунхаг хэрэг” гэсэн үг л дээ. Амьдрал дээр яг л ийм байдал анзаарагдаад байдаг. Бид одоо “Нүдээ нээ” гэж байгаа шиг билгийн нүдээ нээгээд харвал энэ нийгэмд маань болж бүтэж байгаа, гэрэл гэгээтэй зүйл асар их байгаа. Миний амьдралд сайн сайхныг түрүүлж харах дадал хэвшил анхнаасаа сайтар суучихсан шиг байгаа юм. “Тоншуул” сонинд хар багаасаа, хүүхэд шахуу байхдаа орсон минь амьдралын том сургууль болсон. Горькийн школа гэдэг шиг миний сургууль бол “Тоншуул” байлаа.

-“Тоншуул” сонинд ч аргагүй агуу сэтгэгчид байсан байх шүү?

-Тэр олон агуу авьяастнуудын дунд миний оюун санаа, амьдралын чиг хандлага бүрэлдэн тогтож. Мэдээж аав, ээжээс заяасан гэр бүлийн суурь хүмүүжил байсан байж таарна. Амьтны эцэг эх болсон хойно хүүхдээ сайн сайхан яваасай гэж бодож өвөг дээдсээс уламжилж ирсэн сайн сайхныг өвлүүлсэн байх. Энэ бүхэн нэгдээд надад амьдралын тухай сайн сайхны чиг хандлага тогтсон байх. Үүгээр явсных алдсангүй. Тэр сайхан хүмүүсийн үг сургаал амьдрал дээр бат нот гэдгийг би одоо амьдралаараа үзчихээд сууж байна. Тийм болохоор тавь жаахан гараад ирэхээр залууст үг хэлэх дуртай болчихдог юм байна.

-Ямар үгээр сургах гээд байх юм?

-Сургах гэдэг утгаараа биш, амьдралдаа алдах вий гэсэндээ тэднээс арай өндөрт гарсны хувьд хэлнэ. Өндөрт гэдэг маань амжилт олсноороо гайхуулах биш туулж ирсэн насаа л хэлж байгаа юм шүү. Тиймээс мацаж яваа залуустаа хэлэх боломж гарахад “Наад замаар чинь явбал унана шүү. Би тэрүүгээр авирч байгаад ар нуруугаараа хэдэнтээ савж ойчсон доо. Үүгээр авирвал ядрахгүй, тайван өгсөнө” гээд оргилд сууж байгаа хүн шиг болчихдог юм байна. Миний залууст хэлэх дуртай үг бол “Амьдралын гэрэлтэй гэгээтэй талд нь яв. Амьдралд хар бараан бүх юм л бий. Хар бараан тэр зүйл дээр фокуслаад байвал чиний амьдрал тэр чигээрээ зовлон гунигт татагдана. Тэгэхээр хар бараан зүйлийг аль болох мартахыг хичээ, үл тоо. Гэрэл гэгээтэй зүйлийг хүчээр ч болтугай бод. Тэгвэл чамд зөв дадал сууна. Зөв дадал чинь хэвшвэл насан туршид чинь чамайг хөтлөөд явчихна” гэдэг юм. Манай “Тоншуул”-ын школа гэдэг чинь энэ. Ердөө л юмыг хөнгөн, айхтар ноцтойгоор биш энгийн хүлээж авах байдал юм. Илүү хошигно, битгий уурла гэсэн зарчим шүү дээ. Болохгүй бүтэхгүй байгаа юмыг айхтар шүүмжлэхийн оронд зүгээр л шоолчих хэрэгтэй. Тэгвэл нөгөө хүнд чинь болоод чамд л амар. Дотоод амар амгалан гэдэг эндээс л ундарна.

-Нээрээ ч бүх зүйлийг хүндхэн хүлээж авахгүй байвал бухимдаад ядаргаатаад байхгүй юм байна шүү?

-Хошин бай гэдэг чинь их маазраад бай гэсэн үг биш л дээ. Дотно найз нөхдийн дунд бол маазрал бол гайхалтай гоё амралт болдог. Миний эргэн тойронд гэрэлтэй гэгээтэй, амьдралыг гоё талаас нь хардаг хүмүүс байсан болохоор амьдралыг тийм нүдээр харах дадал надад хэвшсэн. Түүнээс биш би өөрөө энэ гайхамшигт нууцыг зохиогоод ч юм уу, бодоод олчихсон зүйл биш л дээ. Хүн өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг сонгож авч болох учраас өөдрөг үзэлтэй хүнээр л найз нөхдөө бүрдүүлчих. Тэгэхээр амьдрал чинь аяндаа гэрэл гэгээтэй болно. “Сайныг дагавал сарны гэрэл” гэдэг шиг хүний найз нөхөд, амраг садан, гэр бүл чиний сонголт учраас чи зөв сонголтоо хийвэл үр дүн нь чамд эерэгээр л тусна. Энэ чинь карма, үйлийн үр. Үйлийн үр гэдэг чинь физикийн хууль.

-Үйлийн үр яахаараа физикийн хууль болчихдог билээ?

-Шинжлэх ухааны үүднээс дэлхийн татах хүч, энерги хадгалагдах хууль зайлшгүйг бид дунд сургуульд бат нот ойлгоод авчихдаг даа. Тэрэн шиг үйлийн үр гэдэг зайлшгүйг ойлгочиход л амьдралд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Өнөөдөр би сайны үрийг эдэлж, сайхан үр тариа хурааж авч байгаа бол хэдэн арван жилийн өмнө хийсэн миний сайн үйлийнх л байх. Хүн бүхэнтэй аав ээж, ах аа, эгч ээ болж явсан үйл маань өнөөдөр санаа амар, аз жаргалтай амьдрахын хөрсийг бүрдүүлээд өгчихөж байгаа юм. Хүндлэл бүхэн зөв явсны үр дүн л гэж ойлгодог. Хүндлэл хайрыг ямар нэгэн эд хөрөнгө, албан тушаалаар биш зөв явсны шагналд хувь тавилан хүнд бэлэглэдэг.

-Нас тавь гараад ирэхээр үйлийн үрийг ойлгоод авдаг юм байж. Зарим хүн нүгэл, буянаа ч ойлгохгүй явсаар насыг барж байдаг даа?

-Нүгэл, буяны тухайд би мах цусанд төрсөн хүн юм чинь аль алиных нь үрийг тарьж л явсан байлгүй. Хүүрнэн өгүүлэх юм бол ууж идэхээс өгсүүлээд наян л юм байна ш дээ. (инээв.сур) Миний амьдралыг тавин боть ном гэж бодвол гучин боть нь нүгэл л байж магадгүй. Монгол эрчүүдийн амьдралд ууж идэх ч юм уу, алдаж байсан тохиол олон байж болно. Тэрийгээ ойлгож ухаарвал бурхнаас заяасан хугацаа гэж бас бий.

-Амьдрал болоод хувь тавилан нийгмийн харилцаанаас шалтгаалдаг гэдэг дээ?

-Бид нүүдэлчин ахуйгаас иргэншээд зуу гаруй жил л болж байна. Нийслэл Хүрээг хэрвээ хотжилт гэж үзвэл дөрвөн зуугаад жил л болж. Яг идэвхтэй урбанизаци гэж яривал үсрээд л дөч тавиад жил болж байна. Улаанбаатарын орон сууцны байрууд баригдаж хотын өнгө төрх бүрэлдэн тогтсон энэ шинэ хэвшил, Б.Цэнддоогийн айхтар бичээд байдаг “Соёлын довтолгоо” бидний амьдралын хэм хэмжээ болж ирсэн нь ердөө зуун жил ч болоогүй байна шүү дээ. Ардчиллын тухайд ч бид сайн муу гээд янз бүрээр ярьдаг. Энэ бол агуу том туршилт явагдаж байна. Бүхэл бүтэн хүний нэгэн амьдралын, нийгмийн солилцоо явагдах хувьсал одоо л дөнгөж эхэлж байна. Хуучин нийгмийн тогтолцоо нурж унаад гурван зуун жаран хэм эргэчихсэн нөхцөлд бид хүлээцтэй, буурьтай, адгамааргүй амьдармаар байгаа юм. Саудын Араб шиг ч юм уу мөнгө төгрөгөөр бульдаж цутгаж босгосон бүтээн байгуулалтыг харчихаад “Хорин хэдэн жилд босдог юм байна” гээд барьцаад байх учиргүй. Хүчтэй эдийн засагтай улсуудын барьчихаад байгаа өндөр барилгуудыг харчихаад бид хорин хэдэн жилийн ололтоо чамлаад байгаа юм. Бид дунд сургуулийн химийн хичээл дээр үздэг байсан туршилт шиг сайн, саарын урвал манай нийгэмд оволзтол буцалж, холилдож л байна. Нийгмийн байгууллын хувьд энэ хорин хэдэн жилийн хувьсал хангалттай хугацаа биш. Одоо хүртэл миний ухамсарт хуучинсаг үзэл байж л байгаа. Бид хэдийгээр аливаа зүйлийг өөрөөр нэрлэж байгаа ч үндсэн хандлага яг л социализмын үеийнхээрээ байгааг би үгүйсгэхгүй.

-Өнөөдөр гэхэд хуучнаар бол Октябрийн баярын өдөр биз дээ?

-Харин тийм, хуучнаа санагалзаад л, нэг л дотно юм шиг санагдаад л, найзуудтайгаа зуун грамм татмаар ч юм шиг л байна. Тэгэхээр нийгмийн ийм инстинкт Баабарын хэлснээр хүний бүхэл бүтэн үе өнгөрч байж солигдоно. Тиймээс би нийгмийн төлөө гэж бухимдаж байгаа нөхдөд “Тайван амгалан байцгаа. Халхын буян заяа хаачих вэ. Монголын минь заяа их шүү дээ. Юм үргэлж сайн тал руугаа шинэчлэгдэж байгаа. Сайн талаа хараад яваад байвал гуравхан сая хүнд болохгүй бүтэхгүй юм алга” гэж хэлдэг юм. Нийгмийн хямрал гээд байгаа юм маань бидний сэтгэлгээнд л байгаа гаж үзэгдэл. Сэтгэлгээндээ бид ядуураад, сэтгэлдээ хар бараан зүйлийг чихээд байгаа болохоос амьдралаа ерэн онтой харьцуулаад харвал асар их баялаг уудам болсон. Ялангуяа уран бүтээлч хүний хамгийн гол зүйл болсон сэтгэлгээний эрх чөлөөнд асар их өөрчлөлт боломж нээгдсэн. Энэ бол миний хувьд үнэхээр залбираад барахын аргагүй том буян. Би энэ буяныг яаж даах вэ гэж бодно уу гэхээс нүгэл хурааж, сайн муугаар хэлэх шалтаг шалтгаан алга.

-Зарим уран бүтээлчид маань жигтэйхэн гутрах юм байна шүү дээ?

-Ишш, юу гэсэн үг вэ, бурхан минь. Эдийн засгийн шальдар бульдар юм бол өнөө маргаашийн л юм байхгүй юу. Хүн ард нь найман тэрбум дөхөж байгаа энэ алаг дэлхий дээр чинь биднээс илүү ядуу, өлсөж зовж байгаа, дайн тулаан, байгалийн гамшигт нэрвэгдэж байгаа хэдэн тэрбум хүн байна. Энэ их зовлонгийн дэргэд монголчууд бид үнэхээр цамаан бөгөөд сүржигнэгч нөхдийн ярьдгаар тэнгэр заяатай ард түмэн байхгүй юу. Харин энэ их буянаа л даах тухай ярина уу гэхээс өөрсдийнхөө сайхан муухай амьдарч байгаа талаар ёстой яримааргүй санагдаж байна.

-Олон хүн сайнтай, муутай гэгчээр ядуу зүдүүхэн амь зууж буй хэсэг ч байгаад байна шүү?

-Бид магадгүй муу амьдарч байгаа бол бидний арчаа, боловсрол, чадамж, залхуу хойрго, буруу дадлаас л болж байгаа болохоос Монгол Улсад ардчилал гарснаас болсон гэж үнэхээр хэлмээргүй байна. Бурууг бусдаас биш өөрсдөөсөө хайя л даа.

-“Эгэл амьдралын хүлээс гэж энийг л хэлэх байх даа” гэсэн нэртэй таны нэг зургийг би нэлээд харлаа л даа. Зурагт, хөгжим, индүү, цахилгаан хэрэгсэл, утас, гар утас гээд элдэв янзын “хүлээсэнд” баглагдаж торлогдсон хөөрхий нэгнийг та дүрсэлж. Амьдралын сайхан зарим үед материаллаг талдаа байдаг л байх. Таны философиор амьдралын хүлээсэнд хэт их автах ямархуу байдалд хүргэнэ гэж бодож байна?

-Бид сайн сайхан амьдрал гэхээр материаллаг талыг их боддог ийм нийгэмд аж төрж байна. Хүмүүсийн мөрөөдөл ч энэ тал руу их хэлбийх болж. Өсвөр насны хүүгээс “Чи ирээдүйд хэн болмоор байна” гэхэд “Би бөх болно” гэх жишээний. Яагаад бөх болох гэж байна гэхээр тэр хүн спортоор хичээллэж өндөр амжилт гарган, улс орныхоо нэр төрийг өргөнө гэхээсээ илүү бөхчүүд санхүүгийн боломж сайтай байна гэдгийг мэддэг болж. Бүхий л зүйл ийм материаллаг сонирхолтой болчихож. Юм л болбол мөнгө ноёлсон нийгэм учраас бидний билгийн мэлмийг хаачихаад байна. Тиймээс билгийн мэлмийгээ нээгээч, хайрын нүдээ, ухаарлын нүдээ нээгээч гэж хэлье. Бурхны духан дээр байдаг мэлмий чинь бидний гуравдагч нүд, дотоод сэтгэлийн хүч, гэгээрэл байгаа юм. Гэгээрсэн хүнээс хэзээ ч муу юм гардаггүй. Ер нь бурхны шашинд зовлонгийн шалтгаан бол мунхаг гэж үздэг. Зовлонгийн шалтгааныг яаж арилгах вэ гэвэл мунхгийг арилгаж гэгээрэх хэрэгтэй гэдэг. Гэгээрнэ гэдэг нь газраас хөөрөх ч юм уу, ямар нэгэн гэрэл харуулж шидийг үзүүлэх биш. Зүгээр л зөв мэдээллийг өөртөө шингээж, юм мэдэх чадамжийг л хэлж байгаа юм. Орчин үед энэ зөв мэдээлэл л хамгийн үнэтэй хөрөнгө болж байгаа. Мэдээллийг хэн удирдаж, ашиглаж чадаж байна, тэр хүн өнөөдөр зах зээл дээр хамгийн хүчирхэг байж чадаж байна. Тийм болохоор эдийн засаг, уул уурхайд анхаарахаасаа илүү хувь хүний хөгжилд л анхаарлаа хандуулах ёстой.

-Хувь хүний хөгжил гэж мянгантаа л ярих юм даа?

-Хүн өөрөө ухаалаг, гэгээлэг байх юм бол аливаа бэрхшээлийг давах, тэмцэх чадвар нь асар их байдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа гэхэд орон гэргүйдэл, өлсгөлөн гачаал, ядуу зүдүү байдлыг хүмүүсийн ёс зүй, шашин, ухамсар нь авч гарсан болохоос ямар нэгэн мөнгө санхүү дааж гараагүй. Дайны үеийн тухай япон кинон дээр гэхэд “Хичнээн ядуу ч гэсэн хулгай хийх ёсгүй” гээд гарч байна шүү дээ. Өлсөж үхэх гэж байсан ч “Би хулгай хийх ёсгүй, хулгай хийхийн оронд үхсэн нь дээр” гэж үзэх ёс зүй бидэнд дутаад байна. Ерэн оноос хойшхи монгол орны амьдрал жинхэнэ үнэт зүйлээ хайсан агуу том хайгуул болоод байгаа. Оюун санааны ийм гайхалтай итгэл үнэмшил байж байж биднийг удирдана. Бид хэн юм бэ гэдгээ хайсаар байгаа эрэл маань Монголыг хэзээ нэгтээ өөд нь татаад босгоно.

Үргэлжлэл бий