Categories
мэдээ цаг-үе

Гончигийн Батсуурь: Над шиг шүүх цагдаад дуудагдсан шүүмжлэгч Монголд л лав байхгүй

Уран зохиолын судлаач, шинжлэлч, шүүмжлэгч доктор Гончигийн Батсуурьтай уулзаж ярилцлаа.


-Зохиолч, яруу найрагчидтай уулзахад уран бүтээлийн богц олз ихтэй юу гэлцдэг. Судлаач шүүмжлэгч хүнээс чинь одоо судалгаа, шүүмж арвин уу гэж асуух уу. Бүтээл их байна уу гэвэл зохимжтой юу?

-Сүүлийн үед хийсэн ажил байгаа байгаа. Эрдэм шинжилгээний томоохон номон дээр сууж байна. Хажуугаар нь ойр зуурын шүүмжүүд бичиж байгаа. “Ц.Дамдинсүрэнгийн уламжлал, шинэчлэл” гэсэн ном гаргаснаа сая оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадамд өгч үзлээ. Ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт Цэндийн Дамдинсүрэн гуайн мэндэлсний 110 жилийн ой болж байгаа учраас энэ номыг хэвлүүлсэн. Би бас энэ сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан юм л даа. О.Содномпил гуайн эрхлэн “Жиком пресс” хэвлэлийн газраас гаргаж буй уран зохиолын судлал шинжлэлийн цувралаар миний бичсэн шүүмжүүдийг гаргая гэсний дагуу номынхоо эхийг бэлдэж байна.

-Уран бүтээлчид шүүмжлэгчдийн үгийг хэт эмзэглэж хүлээж авдаг цаг үе ирсэн юм шиг санагддаг. Өөрт чинь юм мэдэгдэх юм уу?

-Шүүмжлэгчид урьд өмнө нь ч бусдын зохиол бүтээлийг шүүмжилж, судалж ирсэн. Одоо ч тийм л байгаа. Шүүмжлэгч С.Билэгсайхан багш маань байна. С.Энхбаяр, Д.Галбаатар багш нар маань ч уран бүтээлчдийн бүтээлийг шүүмжилж л байсан. Жишээлбэл, С.Энхбаяр багш “Утга зохиол дахь Баасан авгай нар ба бидний үнэт зүйлс” гэсэн шүүмж бичсэн. Тэр шүүмждээ одооны болохгүй бүтэхгүй байгаа гудамны шинжтэй урлагийг “Энэ бүх элийрэл балайрлын оргил туйл, сүлд аялгуу нь бол саяхан ийм ланжгар ном хэвлүүлсэн нэлээдгүй юмтай хүүхэн юм” гэж бичсэн байдаг. Бид багш нарынхаа энэ жишгээр л юмаа бичээд явж байгаа. Тэрнээс би ганцаараа тэрслүүд тэнэг юм бичээд байгаа ч юм биш. Шүүмжийг эмзэглэж хүлээж авна, эмзэглэхгүй хүлээж авна гэдэг нь тухайн уран бүтээлчийн л асуудал байх. Тэгэхдээ одоо цагт юм айхавтар болсон юм байна.

-Айхавтар болсон нь яаж мэдэгдэж байна?

-Би одоо шүүмж бичлээ гэж шүүх цагдаа дээр дуудагдаад явж байна.

-Юу бичлээ гэж цагдаа дээр дуудагдахав?

-Намайг юу гэж буруутгаж байна гэхээр эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан гадуурхлаа гээд байгаа. Шүүмжлэгч бол зохиол бүтээлийг л анхаарч шүүмжилнэ үү гэхээс зохиолчийг аль нутаг усны, эрэгтэй хүн үү, эмэгтэй хүн байна уу, эсвэл мөнгөтэй хүн байна уу, ямар хүн байна гэдэгт ерөнхийдөө нэг их анхаарал хандуулж үздэггүй. Би л лав тэгдэггүй. Огт тийм юм бодолгүй биччихсэн чинь гайтай л юм болдог юм байна. Би сүүлд “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” гэж шүүмжлэл бичсэн юм. Энэ шүүмж цахим ертөнцөөр нэлээд шуугиан тарьсан. Миний анзаарсанаар шүүмжид дурдагдсан хүмүүс гэвэл Ц.Мухар гэдэг нь эрэгтэй, бусад нь эмэгтэй хүмүүс юм шиг байна. Бодвол тэр Шүүдэрцэцэг гэдэг нь эмэгтэй гэж би ойлгоод байгаа шүү дээ. Би тэднийг алийг нь ч танихгүй. Тэгтэл хүйсээр ялгаварлан гадуурхлаа гээд эхэллээ. Яг үнэндээ феминизм ярих гэж байгаа бол тодорхой түвшинд ярих хэрэгтэй. Феминист үзлийн тухай Жан Пол Сартрын эхнэр Симон де Бовуар гэж эмэгтэйгийн бичсэн “Дайвар хүйстэн” гэж манайхан орчуулсан ном бий дээ. Тэр түвшинд феминизмийг яривал би ярьж чадна. Энэ бол бүрэн боломжтой.

-Цагдаа шүүхэд очихгүйгээр хэвлэл мэдээллээр ч юм уу чөлөөт маргаан дэгдээж болох л байж дээ?

-Хар массаас оноо авах гэсэн маягаар “Энэ Батсуурь гэдэг эрэгтэй тэглээ, ингэлээ” гэж ер нь бол өөрсдийгөө өмгөөлж хамгаалж, таван төгрөгөө бодсондоо л шүүхэд өгч байна гэж ойлгогдож байгаа. Уран зохиолын мэргэжлийн хүрээндээ харин миний шүүмжийг зүгээр хүлээж авдгаараа аваад явж байгаа л гэж бодож байна.

-Социалист реализмын главлитын үед зохиолч, яруу найрагчдыг улаан харандаагаар баалж байсан шүүмжлэгчид уран бүтээлчдийн ясны дайсан болж байсан нь нууц биш. Өнөө харин шүүмжлэгч хүн шүүх цагдаа дээр байцаагдаж байна гэхээр сонин санагдаж байна шүү. Түүхэндээ тийм тохиолдол байсан юм бол уу. Хэн өөрийг чинь шүүхэд өгчихөв?

-Тэр шүүхэд өгсөн хүн нь миний шүүмжид бичигдэж, дурдагдсан хүмүүс биш юм шиг байна. Иргэн Тогтохбаяр гэсэн нэр бүхий өргөдөл байсан. Би Тогтохбаяр гэдэг хүний тухай нэг ч удаа шүүмж бичиж байгаагүй. Энэ тухай энэ удаадаа дэлгэрэнгүй яриад ч яахав дээ. Багш нараасаа асуухад шүүмжлэгчид шүүх цагдаа дээр очиж байсан тохиолдол байхгүй л юм билээ. Главлит бол яахав. Өмнөх соц нийгмийн захиалгаар байж байсан зүйл шүү дээ.

-Шүүх цагдаадаа тулахаар танд чухам юу бодогдож байна?

-Манай энэ уран зохиолын ертөнц рүү уран зохиолын биш, зохиолч уран бүтээлч биш хүмүүс ороод ирчихсэн юм байна. Зохиолч биш хүмүүс шүүмжийг уран зохиолын төлөө гэж ойлгохгүй, зөвхөн хар амиа, өөрийнхөө номын борлуулалтаа, эсвэл олж авсан жаахан нэр хүндээ бодоод “Шар хэвлэлээр нэр хүнд унагалаа” гэдэг шиг юм руу орж байгаа юм байна л даа. Энэ бол уран зохиолын биш хүмүүсийн асуудал юм байна. Би үүнийг саяхныг хүртэл ойлгохгүй “Нэгэнт уран зохиолд бие сэтгэлээ зориулаад орж байгаа хүн бол тодорхой хэмжээний золиос шаардана гэдгийг мэддэг, золиос гаргахаасаа айдаггүй, намайг шүүмжлээсэй гэж хүсдэг” гэж бодож явж. Зохиолч, яруу найрагч, жинхэнэ уран бүтээлчид тийм хүсэл мөрөөдөлтэй байдаг. Гэтэл уран зохиолын биш хүмүүс утга зохиолын ертөнцөд ороод ирэхээр ийм асуудал болдог юм байна гэж ойлгож байна.

-Өнгөрсөн арван есдүгээр зууны Хаант Оросын үед л нийгмийн сэтгэл зүйг соён гэгээрүүлэгч сэтгэгч, шүүмжлэгч, ардчилсан үзэлт зохиолчдоо харгис цагдаагаар айлган багалзуурдуулж байсан түүх бий. Тухайлбал, Радищев, Герцен нарын агуу их сэтгэгчид эл зовлонг бие сэтгэлээрээ эдэлж байсан байдаг даа?

-Тийм гашуун түүх бий бий. Харин миний хувьд эцсийн байдлаар шийдвэр тогтоол гараагүй болохоор тодорхой юм яриад яахав. Ерөнхийдөө шүүх цагдаад дуудагдана гэдэг чинь ажилд жаахан саадтай л юм байна. Болох байлгүй дээ. Шүүмжийн ертөнц маань байдгаараа байж, уран зохиол маань хөгждөгөөрөө хөгжөөд л явна.

-Утга уран зохиолыг судалдаг, шинжилдэг болохоос шүүмжилдэггүй, тиймээс шүүмжлэгч гэдгийг уран зохиол шинжлэгч, шинжлэлч гэх нь зүйтэй гэх болцгоолоо?

-Тийм ээ. Шүүмжлэл гэдэг нь хүмүүст ойлгогдохдоо буруутгасан гэсэн ойлголт төрөөд байдаг нь нууц биш. Манайхан “критека” гэдэг үгийг орчуулахдаа шүүмжлэл гээд хүлээгээд авчихаж. Өнөө харин шинжлэл гэх нь зөв юм гэдэг дээр олон хүний байр суурь нэгдэж байх шиг байна. Хэн нэгэн хүний бүтээлийг магтаад биччихсэн байхад л шүүмжлэл гээд нэрлээд явж байгаа нь бас ч зохицолгүй л юм л даа. Шүүх, шүүлтүүрээр орох гэдэг утгаар дүйцүүлсэн орчуулга одоо хүмүүст хүрэхдээ арай өөрөөр ойлгогдоод байна. Тиймээс шинжлэл гэж цаашид нэрлэгдэж явах юм шиг байна. Зохиолч Ойдовын Содномпил ч “Уран зохиолын судлал шинжлэл” гэсэн цувралууд эрхлэн гаргаад эхэлчихлээ.

-“Энэ Батсуурь гэдэг хүн л овоо шүүмж бичих юм. Болдог сон бол Горькийн утга зохиолын сургуулийн шүүмжийн ангид улсын тэтгэлгээр ч болтугай сургаад авчихвал мөн ч хэрэгтэй сэн” гэх үгийг уран зохиолын хүрээний хэд хэдэн хүнээс сонсож байлаа. Өөрөө ингэхэд ямар сургууль дүүргэсэн хүн билээ?

-Би Архангай аймаг дахь Багшийн сургуулийг бага ангийн багш мэргэжил эзэмшиж төгссөн. Дараа нь Монгол Улсын Боловсролын их сургуулийг Улсын багшийн их сургууль нэртэй байхад нь монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Энэ сургуулийнхаа Монгол судлалын сургуульд магистр, Монгол Улсын их сургуулийн докторантурыг 2016 онд дүүргэж, хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалсан. ОХУ, Японд тодорхой хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байлаа.

-Д.Галбаатар, С.Энхбаяр нар бол бүтээлд анализ хийж, дэлхий дахинтай харьцуулж, уншсан мэдснийхээ хэрээр онолын түвшинд зангарагтай шүүмж бичдэг. Харин орчин үеийн шүүмжлэгчид масс руу хандсан маягтай, олны анхаарал татсан хөнгөхөн маягийн шүүмжүүд бичих болж гэсэн яриа байдаг. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Шүүмж хоёр янз байгаа. Манай Боловсролын их сургуулийн профессор Цэвээний Магсар багш “Монголын уран зохиолын судлал, шинжлэл” сэдвээр докторын зэрэг хамгаалсан хүн. Магсар багш бидний сүүлийн үед бичиж байгаа шүүмжүүдэд анализ хийгээд эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж ноднин хэвлүүлсэн юм. Тэр өгүүлэлд бидний шүүмжийг нэгдүгээрт, харьцангуй мэргэжлийн түвшнийх гэж ангилаад миний шүүмжүүдийн тал хагас, “С.Эрдэнийн Анимаа”, “Бавуугийн Лхагвасүрэнгийн садизм”, “Харанхуй хад”-наас үүдсэн шизоанализын таталбар” зэрэг мэргэжлийн түвшинд бичээд байгаа шүүмжүүдийг оруулсан байх жишээтэй. Нөгөө талаас олон нийт рүү хандсан, ойлгомжтой болгох гэсэн тийм төрлийн шүүмжүүд байна. Хуучны главлит гэдэг чинь бас хэрэгтэй ч байсан байж магадгүй. Өнөөдөр өдөрт л хэдэн арван ном хэвлэгдэж, уран зохиолын мэргэжлийн ангийн оюутнууд хүртэл төөрөлдөх хэмжээнд хүрсэн. Бидний семинарын сэдэвт оруулсан номыг “Наадахь чинь хэрэгтэй юм уу. Тийм ном бестселлер болж байна шүү дээ” гэх мэт үзэл бодол нэлээд чөлөөтэй болсон. Энэ бүхнийг ялгаж салгаж өгөх үүднээс олон нийтэд ойлгомжтой маягаар шүүмж бичдэг. Өнөөдөр дэлхийн жишгээр уран зохиолыг дөрөв ангилж байна гэж С.Билэгсайхан багшийн номон дээр бэлээхэн байж байгаа л даа.

-Юу гэж дөрөв ангилсан байх юм?

-Элит уран зохиол, сонгодог уран зохиол, хээнцэр уран зохиол, тэгээд массын буюу олон нийтийн гэж дөрөв хувааж үзэж байгаа. Хээнцэр гэж гоёчилж чамирхсан, адал явдал хөөцөлдсөн уран зохиолыг хэлж байгаа юм. Хар массын гээд байгаа нь жинхэнэ мөнгөний уран зохиол. Манай хошин шогийнхны уран бүтээл чинь үүнд багтана. Өнөө цагт олон нийтийн урлаг маш хүчтэй боллоо. Дэлхий дахинд ч цахим ертөнцийн хөгжил, технологийн дэвшилтэй холбоотойгоор олон нийтийн урлаг элит урлагаа бүдэгрүүлэх хэмжээнд хүрчихлээ. Бид ч бас шүүмжээ олон нийтэд ойлгомжтой бичих хандлага яах аргагүй шаардлагатай болчихож байгаа юм. Ингэж л хоёр янзаар шүүмж бичээд явж байгаа. Нэг нь бол үндсэндээ өдрийн тэмдэглэл шиг л юм шүү дээ. Мэргэжлийн түвшний шүүмжийг мэргэжлийнхэн л уншина уу гэхээс олон нийтэд ойлгомжгүй ч байж магадгүй болоод явчихаж байгаа юм.

-Ардын уран зохиолч, алдар цолтнууд таны бичсэн шүүмжүүдэд нэлээд эмзэглэсэн маягтай ханддаг юм билээ. “Шизоанализын таталбар”-ыг чинь гарсны дараахан “Монголын авьяас билэгт зохиолчдыг Шархадныхан гэдэг хэн бэ, тэр муу” гэж уурсаж байгаа алдартантай ч таарч байсан?

-Мэргэжлийн түвшний гэж яриад байгаа чинь тэр л дээ. Яг жинхэнэ клиник утгаараа тухайн хүнийг өвчтэй гэж байгаа зүйл ерөөсөө биш. Жишээлбэл, би гэхэд ямар нэгэн шизотой л байгаа. Нийгмийн дарамт, их хотын амьдрал, энэ суурин иргэншил ерөнхийдөө шизофреникүүдийг өөрөө төрүүлдэг юм байна. Шизофреникийн аль шинж нь давамгайлаад явах вэ гэдэг нь сонирхолтой. Жишээлбэл, хэн нэгэн зохиолч юмыг тарчилган шаналгах шизотой байвал нэг хүнийг хөнөөж буйг бичье гэвэл аймшигтай тарчилгаж алж буйгаар л бичнэ. Энэ бол тэр зохиолчийн дотор нуугдаж буй хүчирхийлэл. Тэрнээс тэр хүн гудманд гараад хүнийг бодитоор тамлах тухай асуудал ерөөс биш.

-Зохиолч Г.Аюурзана “Чойном яруу найрагч биш” гээд бөөн л маргаан дэгдээж байсан. Өөрөө бас Чойномын тухай тиймэрхүү шүүмж бич лүү, яалаа?

-Тийм шүүмж нэлээн дээр бичиж байсан. Ер нь эрх баригчид урлаг, уран зохиолоор өөрийнхөө үзэл хандлагыг олон нийтэд дамжуулж тулгадаг, эсвэл үүнийг нь эсэргүүцдэг хандлага аль ч үед байгаад байсан. Чойномыг эсэргүүцэгч байснаар нь бид мэднэ. Яг цэвэр урлагийн үүднээс тунгааж үзвэл Чойномын шүлгээс шүүлтүүрт хоцрох нь тун бага гэдгийг л хэлж байгаа юм. Тэрнээс Чойном их зоригтой, том хүн л дээ. Тэр үед намын эсрэг ганцаараа тэмцэж явсан хүн гэдэг утгаараа мундаг том эр зоригтон. Одоо УИХ-д олонхи цөөнх гэж байна аа даа. Тэр цөөнхийн үүргийг Чойном ганцаараа МАХН-ын өмнө хүлээж, гүйцэтгэж явсан хүн байх шиг байна лээ ш дээ. Тэр утгаараа шүлэг бичсэн гээд ял аваад шоронд орсон нь тэр хүний зориг, багаасаа байгалаас шүлэглэх авьяастайн шинж. Нийгэмдээ их дарагдаж явсан болохоор авьяас нь цэвэр урлаг тал руугаа биш нийгмийнхээ хар юм руу чиглэчихсэн юм болов уу даа гэсэн ойлголттой явдаг.

-“Болор цом”, “Утгын чимэг” наадмууд саяхан болж өнгөрлөө. Жил жилийн “Болор цом” их шуугиан дуулиантай болдог. Энэ жил харин хөдөө болсондоо ч тэр үү нам гүмхэн өнгөрөх шиг боллоо. Нам гүмхэн өнгөрч байгаа нь нам гүмхэн найрагч цом авснаас ч бас болох шиг боллоо. Шүүмжлэгч хүний хувьд үгээ хэлээч?

-“Алтан-Өд”-ийг би санал хураагаад их үндэслэлтэй болдог байх гэж боддог. Би энэ жилийн “Алтан-Өд”-өд “Ц.Дамдинсүрэнгийн уламжлал, шинэчлэл” номоо өгсөн. Би шагнал аваагүй, О.Содномпил ахын “Уран зохиол судлал шинжлэл” цуврал авсан. Энэ цувралаар арван таван ном гарсан. Үнэхээр авах ёстой баг нь авлаа гэж би баяртай байгаа. Энэ дотор миний ном ч явж л байгаа. “Алтан-Өд”-өд номоо өгнө гэдэг өөрөө их чухал зүйл. МЗЭ-ийн Удирдах зөвлөлийнхөн тойруулаад уншчихна. Тэр нь гол сурталчилгаа болдог байх гэж олзуурхдаг. Би өмнө нь “Алтан-Өд”-ийн шагналыг нэгэнтээ авч байсан. Энэ жилийн “Болор цом”-ын тухай би нүүр хуудастаа пост оруулчихаад хэл ам ихтэй болохоор нь нэг хоёр хонуулаад устгачихсан. Өмнөх “Болор цом”-уудын тухай шүүмж бичиж хэвлүүлж л байлаа. Энэ жилийн хувьд галыг өөр дээрээ татах сонирхол ч үгүй байлаа. Энэ жилийн “Болор цом” авсан шүлгийн хувьд ноднингийнхоосоо арай дээр шүлэг юм уу гэж бодсон. Тэгэхдээ байдаг л нэг аман зохиолын уламжлалт шүлэг байсан. Манайхан хэзээ болтол ардын аман зохиолын нөөцөөс эх авч, хэдий болтол аман зохиолыг шүтэж явах юм бэ. Одоо үе чинь шинэ зуун. Бичгийн урлаг, бичгийн уран зохиол, бичгийн яруу найраг гэдэг юм руугаа ормоор байна шүү дээ. “Болор цом” ер нь их төвөгтэй. Яг үнэндээ яруу найрагт дуртай хэсэг хүн нэг орой цуглаад нэг хэсэг нь уншаад, нөгөө хэсэг нь таван оноогоор дүгнэчихэд болохгүй юм байхгүй. Болно. Гэхдээ бодитой дүгнэнэ гэхэд төвөгтэй. Хажуу хавирганаас, янз бүрийн юмнаас лобби ордог л байх. Мэдээжийн хэрэг, хүний нийгэм юм чинь тийм юм байлгүй л яахав. Гэхдээ тэрийг хэтэрхий бариад явахаар бас болдоггүй юм шиг байгаа юм. Барихгүй гэхээр бас нөгөө ажил хийж байгаа хүмүүст чинь зовлон байна. Гэхдээ, би “Болор цом”-ыг байж байхад болох наадам, энэ бол уншигч, яруу найрагч хоёрыг учруулж уулзуулдаг манай тогтсон уламжлал. Угаасаа Монголын ард түмэн чинь уралдаанч, барилдаанч ард түмэн юм чинь тэрэндээ тохирсон найргийн наадамтай л гэж ойлгож байгаа шүү дээ. (инээв. сур)

-“Болор цом”-д оролцдоггүй мөртлөө элит түвшний мундаг яруу найрагчид олон байдаг биз?

-Тийм яруу найрагчид зөндөө олон. Д.Урианхай гуай байна. Сая Азийн тэргүүн найрагч шагнал авлаа.

-Д.Урианхай найрагч бараг хориод жил “Болор цом”-д уншиж тэргүүн шагналтан болсон байх шүү?

-Орж байсан л даа. Сүүлийн үед орохоо больчихоод байгаа. Данзангийн Нямсүрэн гэдэг найрагч хоёр ч удаа “Болор цом”-д орсон. Авч чадаагүй. “Болор цом” аваагүй гээд муудсан юм алга. Одоо шүлэг яруу найраг нь ард түмнийхээ дунд мөнхрөөд байж байна. Л.Өлзийтөгс байна. Ерээд онд “Болор цом”-д ганц нэг шүлэг уншсан уу, уншаагүй юу. Тэгэхэд шүлэг яруу найраг нь дэлгэрээд явж байна. Гэхдээ миний анзаарч байгаагаар яруу найргийн алтан үе өнгөрчихсөн юм биш үү?

-Тийм үү?

-Магадгүй, мэргэжлийн түвшнийх гэдэг шиг яруу найраг цөөнхийн шинжтэй болоод эхэлж байх шиг байна.

-Японд гэхэд яруу найрагчид нь клубын түвшинд л шүлгээ уншихаас манайх шиг ард нийтийг хамарсан наадам тэмцээн болдоггүй юм гэсэн шүү…

-Монголын яруу найраг тийм тал руугаа явж байх шиг байна. Манай нүүдэлчин монголчуудын нэг онцлог байдаг шиг байгаа юм. Нүүдэлчдийн дунд хэвлэмэл материал нэг их байгаагүй юм байна шүү дээ.

Орой болохоор үлгэрээ ярьж, туулиа хайлдаг. Найр болохоор ерөөдөг, наадам болохоор магтдаг байсан. Хэвлэмэл материал түгээмэл байгаагүй учраас тэр уламжлал нь амь бөхтэй оршсоор аман хэлбэрээр дамжих, мэдээлэгдэх, уншигдах юм нь одоогоор хорин нэгдүгээр зуунд ч гэсэн амь бөхтэй хэвээр байгаа юм болов уу даа.


Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: Жилийн барилдааны тавь, далан хувьд барилдаагүй том цолтнуудыг наадам, цагаан сарын барилдаанд зодоглуулахгүй

Түрүүч нь№007(5850) дугаарт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол бөхийн холбооны тэргүүн, Олон улсын Олимпийн хорооны “Монгол Улсын Зууны манлай спортын зүтгэлтэн” батламжит, зохиолч, доктор Рэгжийбуугийн Нямдоржтой уулзаж хөөрөлдлөө.


-Танаас монгол бөхийн төлөө хамаг бүхнээ золиослоод зүтгэсэн хүн шүү би гэсэн битүүхэн нэг гуниглал анзаарагдах шиг болж байна. Та Бөхийн өргөөнөөс ямар нэгэн хувь эзэмшдэггүй гэж байгаа. Цалин цуух хангалттай авах уу?

-Би 950 мянган төгрөгийн цалинтай хүн. Жилээс жилд тавь тавин мянган төгрөгөөр нэмсээр ийм хэмжээний цалин дээр тогтсон. Би хэзээ ч сая төгрөг болгохгүй гээд шийдсэн. Сая гэдэг 950 мянгаас их ч тавин мянган төгрөгийн зөрүүнээс миний амьдрал шийдэгдэхгүй. Мөнгө олдог жижиг жижиг арга надад байна.

-Ямар арга байна?

-Миний “Яаж жаргах вэ” гэдэг ном тавин сая төгрөг надад олж өгсөн. Гуравдахь удаагаа хэвлэгдсэн. Маш нимгэхэн ном шүү дээ. Манай эхнэр Баттунгалаг бизнес хийдэггүй ч бас амьдралдаа нэмэр болчихно. Идэр залуу нас минь иймэрхүү өнгөрлөө. Төгсгөлийн амьдралыг минь миний хоёр хүү сайхан хангачихна. Мөнхбаатар, Ганбаатар гэж найдвартай хоёр хүү төрүүлж өсгөсөн. Тэр хоёр маань шударгаар яаж амьдрах аргаа мэддэг хүүхдүүд. Хамгийн гол нь аав ээжийгээ яаж тохьтой байлгах вэ гэдгээ мэддэг зөв л амьдраад яваа эрс дээ.

-Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрөгч онд гэхэд ямар үр бүтээлтэй ажиллав даа?

-Бид таван зүйл дээр төвлөрч ажиллалаа. “Допинггүй монгол бөхийн төлөө” уриа дэвшүүлсэн гэсэн дээ. Ноднингийн нэгдүгээр сарын 1-нээс бүтэн жилийн хугацаанд монгол бөхийг допингоос ангид байлгахыг эрмэлзсэн. Допингийн эсрэг бөхчүүдийн дунд баахан соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явууллаа. “Допинг хэрэглэвэл чи өнөөдөр амжилт гаргаж болно. Алс нь эрэмдэг зэрэмдэг амьтан болж, үр хүүхэдгүй, эрхтэн биегүй болно” гээд сурталчилна. Соён гэгээрүүлнэ гэдэг чинь “Чи зөв юм хийвэл зөв хүн болно. Буруу юм хийвэл буцахдаа харамсаад ч баршгүй хар нүгэлд унана аа хө” гэсээр байгаад наадам хүргэсэн. Наадмаар допингийн шинжилгээ автал нэг ч бөхөөс гарсангүй. Тиймээс ажил үр дүнтэй явагдсан гэж үзэж байгаа. Хамгийн гол нэвтрүүлэх гээд байгаа зүйл бол явцын дундах шинжилгээг бий болгох юм. Урьд нь допингийн шинжилгээг улсын наадмаар л ганцхан удаа шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдээс авдаг байлаа. Одоо наадмаас наадмын хооронд авч эхэлсэн. Допинг үнэхээр хэрэглэдэг бол энэ хугацаанд илэрнэ ээ дээ. Бүтэн арван нэгэн сар соён гэгээрүүлэл явуулж сая арванхоёрдугаар сард гучин бөхөөс шинжилгээ авсан. Удахгүй хариу нь ирнэ. Энэ бидэнд нэг зүйлийн хэрэгтэй тандалт болно.

-Нэгдүгээр ажил ч хэрэгтэй л зүйл болж. Удаахь ажил нь юу байв?

-“Жудгийн журам” гэдэг зүйл гаргалаа.

-Өнөөгийн бөхчүүд ч уначихаад тахимаа өгөхгүй байх, дэвжээн дээр зодолдох гээд жудгаа ч гүвчихсэн л харагддаг шүү?

-Монгол бөх гэдэг зүйл бол таван элементээс бүрддэг. Үүнийг онолын хувьд тодорхойлсон. Монгол бөхөд эхлээд барилдаан байна. Барилдаан, барилддаг хүн хоёр үүсэхээр яаж барилдах юм бэ гэдэг нэг юм бий болно. Нүд рүү нь цохихгүй, хоолойг нь шахаж болохгүй ч гэдэг юм уу дүрэм хэрэгтэй болно оо доо. Ухаандаа, сумогийн цуппари гэдэг нүүр рүү алгаддаг мэхийг монгол бөхөд хэрэглэж болохгүй. Тиймээс ямар ч барилдаанд дүрэм зайлшгүй хэрэгтэй. Бөх, барилдаан, дүрэм гурвыг холбож зохион байгуулдаг нэг юм байхгүй бол болохгүй байгаа биз. Зохион байгуулдаг баг тэгэхээр заавал байх хэрэгтэй байгаа юм. Тэр нь менежментийн баг, засуул, хөлийн цэц зэргийг багтаасан үйл ажиллагааны баг хоёргүй бол барилдаан явахгүй шүү дээ. Барилдааны хамгийн чухал элемент нь үзэгч юм байна. Ийм таван зүйл нийлж байж монгол бөх гэдэг ойлголтыг бүрдүүлж байгаа юм. Чи бод доо, үзэгчгүй бол хоёр аварга Бөхийн өргөөнд мянга ноцолдоод яахав.

-Хонины бэлчээрт хоёр жаал уйдаагаа гаргаж ноцолдож байгаатай адил болох байлгүй?

-Тэрэнтэй адил ямар ч таашаалгүй байх нь тодорхой. Тэгэхээр үзэгч маань монгол бөхийн санхүүжүүлэгч юм байна лээ. Хоёрдугаарт, тэдэнд урам зориг өгч, уухай түрлэг нэмж байдаг. Гуравт, тэр хоёр барилдаж байж үзэгчдэд таашаал өгдөг ийм тогтолцоо. “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэдэг энэ бүхнээс урган гарч байгаа юм. Монгол бөхийг ингэж л ойлгохгүй бол болохгүй. Улсын заан Ганболд гэж нөхөр 2002 онд “Монголын бөхийг яахыг бөхчүүд мэднэ” гэж байсан. Бидний томьёоллоор монгол бөхийг хэн мэдэх вэ гэвэл бөхчүүд, жаяг дэгийн баг, үзэгч оролцож байж шийдэх юм байна. Бөх хүн ямар амжилт гаргах вэ гэдэг нь цэвэр хувийн шинжтэй зүйл. Улсын наадамд тэр хүн гурван удаа долоо давна уу, ганц удаа тав давна уу өөрийнх нь дурын хэрэг. Амжилт тухайн бөхөд хувьд нь нэр хүнд, ард түмний хүндлэлийг авчирдаг. Бөх хүн нийгмийн өмнө ямар үүрэгтэй вэ гэхээр монгол бөхийн өв соёлыг ард түмэнд өөрийн биеэр үзүүлэх үүрэгтэй. Монгол хүний алдаж үл болох зан чанарыг олон түмэнд харуулж байх ёстой. Жудгийн журам есөн заалттай. Сүүлийн үед барилдахаар ирсэн бөхчүүд гарч жагсахаа больчихоод байгаа.

-Их зан гаргаж байгаагийн шинж ээ дээ?

-Гарч жагсахгүй бол тэр бөхийн барилдах эрхийг хасна гээд заачихсан байх жишээтэй. Хоорондоо хэрүүл уруул хийгээд заримдаа цохиод авдаг. Ийм үйлдэл гаргасан олон бөхийн эрхийг энэ хугацаанд түдгэлзүүллээ шүү дээ. Бөх хүн үзэгчидтэй болон жаяг дэгийн багтай зөв харьцах ёстой. Энэ жудгийн журмыг биелүүлснээр монгол бөхөөс ард түмний өгөөж зөв харагдах гээд байгаа. Ийм журам гаргаж хэвшүүлсэн. Энэ маш том ажил байлаа.

-Сэргээш, ёс суртахуун талаас нь хашаад л авч. Гуравдахь ажил тань юу байв?

-Оролцооны коэффицент гээч юм саяхан гаргалаа. Өнөөгийн монгол бөх чинь дал, ная, ерээд он, тэр байтугай 2000 оны юмгүй хөгжчихөөд байна. Бөхчүүд зүгээр нэг тээвэрт явж байгаад орж ирээд барилдчихдаг хөг өнгөрсөн. Өдөр тутмын бэлтгэлтэй болсон учраас өрсөлдөөн маш хатуу болсон. Энэ өрсөлдөөнөөс том цолтой бөхчүүд айгаад, нэр хүндээ хайрлан доор даваанд унах вий гээд бодоод ирэхээрээ барилдаануудад оролцох нь цөөрөөд байгаа юм.

-Аварга, арслан цол авав уу, үгүй юу л бараг “зодог тайлцгаачих” юм байна ш дээ?

-Энэ их эмгэнэл. Монгол бөхийн нөгөө таван элементийн нэг болсон үзэгчид маань улсын том цол авчихсан хүнийг барилдуул аа гэж зүй ёсоор шахаад байдаг. Тиймээс оролцооны журамд “29-35 насны бөхчүүд заал танхимын барилдааны тавин хувьд заавал барилдана. 29-өөс доош насны бөхчүүд далан хувьд нь заавал барилдана. Хэрвээ тавь, далан хувьдаа барилдаагүй бол цагаан сар буюу наадмаар барилдуулахгүй” гэсэн журам байгаа юм. Сүүлийн үед манай аварга, арслан, заануудын барилдааны оролцоо маш их сайжирсан чинь үүнтэй холбоотой. Үзэгчдэд маань энэ нь их таашаал төрүүлж байгаа. Энэ цаасан дээр байгаа хэдэн үсэг боловч монгол бөхийн шинэчлэлд орж ирж байгаа чухал зүйл.

-Урьд зуны наадмаар гэхэд аварга Санжаадамбатай барилдсан Ганжадын гар түрүүлээд газарт хүрч байгаа нь камерт тодорхой харагдаж байсан. Техник технологи хөгжчихөөд байхад бөхчүүдийн барилдааныг камераар шүүж болдоггүй юм уу?

-Үзэгчдийн их хүсдэг зүйл наадахь чинь мөн л дөө. Монголын үндэсний бөхийн дүрмэнд камераар шүүхгүй гээд заагаад өгчихсөн. Камерын бичлэг харж шүүх заалт байхгүй. Байхгүй байхаас ч аргагүй. Бөхийн барилдаанд камер оролцуулах тухай их сургуулийн өндөр мэргэжилтэй эрдэмтэд оролцсон хорин хэдэн хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулаад дүгнэлт гаргачихсан. Үндэсний бөхийг камераар шүүхгүй, яаж шүүх вэ гэхээр хөлийн цэц хийж буй ахмад цолтой бөхчүүд нүдээрээ хараад шийднэ. Тэд чинь барилдаанаа мэднэ. Зүгээр нэг суулгачихвал тэр мэх үргэлжлээд хаа хүрч хүн унадгийг мэдэхгүй. Энэ хэдий үеэс ч эхэлсэн уламжлал юм би мэдэхгүй. Буур Жамьян аварга, Түвдэндорж аварга эд нар бүгд л хөлийн цэц хийгээд бөхийн барилдаанаа хараад байж л байсан. Энэ л уламжлалаараа шүүнэ. Хамгийн гол нь камерыг маргаантай барилдааны үед хөлийн цэцүүд нэгдмэл шийдэлд хүрч чадахгүй тохиолдолд камерын бичлэг ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан. Санжаадамба, Ганжад хоёрынх шиг барилдаанууд секундээр биш дойлиор хэмжигдэж байдаг. Бичлэгээр удаашруулаагүй үед тэр барилдааны явцыг хүний нүд ялгаж харахын аргагүй байгаа шүү дээ.

-Харааны хурд гүйцэхгүй л юм болж байгаа нь мэдээж л дээ?

-Тэрийг ард түмэнд үзүүлэхээр хажууд нь зогсож байгаа хүн хараагүй, мэдрэл муутайд тооцогдоод байна аа даа. Энэ чинь техникээр л удаашруулахаар тийм удаан байгаа болохоос хүнд анзаарагдахын аргагүй нүд ирмэхийн зуур л болоод өнгөрч байгаа процесс. Энэ бүхэн чинь камерын байрлалаас болоод зөв, буруу гардаг. Давуулаад халз дэгээ хутгадаг мэх байна шүү дээ. Тэгэхэд хүний гар учраа бөхийнхөө ууцны ард байгаа учраас хүний тохой эхэлж газарт хүрнэ ээ дээ.

-За тэгж л таарна даа. Давуулаад барьчихсан байгаа юм чинь?

-Гэтэл нэг нь бүх биеэрээ унаж байдаг. Нөгөө нь тохойгоороо тэвэрч байдаг. Давуулж бариад дэгээ ороогоод мэх хийсэн хүнийг унасан гэж үздэггүй л дээ. Ийм мэхний үзэгдэл дэлхийн бөхийн бусад төрөлд ч байгаа юм. Жишээлбэл, сумод гэхэд нөгөө бөхөө өргөөд тойргийн гадна гаргахаар явсаар арай газарт тавиагүй байхад өргөж яваа хүний хөлийн хуруу зураасан дээр гишгэчихдэг тохиол бий. Үүнийг яаж шийдэх вэ гэхээр өргүүлж яваа хүний биеийн гуравны хоёр нь талбайн гадна гарсан байвал хөл зураас давахыг тооцохгүй гэсэн дүрэмтэй юм билээ. Монгол бөхөд тийм юм байхгүй л байна. Нэг бөх дойлиор хэмжигдэх хугацаанд тохой нь газар хүрч байгаа боловч нөгөө бөх бүх биеэрээ газарт унаж байгаа. Камерын бичлэгийн тухайд зүгээр “ТВ-9”-ийн юм уу, “Сүлд” телевизийн бичлэгээр шийдэхгүй. Техникийн хувьд маш өндөр төвшний зүйл шаардагдах юм билээ. Тухайлбал, зургаан камер тогтмол нэг цэг дээрээс авч байх ёстой. Их нарийн яривал дэвжээтэй яг ижил нэг түвшинд байх ёстой. Сумо шиг тийм нарийн бичлэг хийх камерын техник хэрэгслийг тавьж үзье гэж телевизүүдтэй хамтарч судалгаа хийж л байна. Хамгийн инээд хүрмээр зүйл нь 512 бөх барилдахад 511 удаагийн барилдаан болж байгаа юм. Өнгөрсөн зуны Санжаадамба, Ганжад хоёрыг л яриад байна аа даа. 510 барилдаан нь зүгээр явчихсан, ганцхан барилдаан дээр л тийм юм гарч. Үүнийг л дэвэргээд байгаа байхгүй юу. 510 барилдааныг хэдхэн секундэд шийдээд явуулчихаж байгаа юмыг камераар шүүж яах юм, ер нь. Улсын наадамд камер шүүлээ гэж бодоход хөдөө орон нутагт, аймаг, сум, багийн наадамд яах юм гэсэн асуудал гарч ирнэ ээ дээ. “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэдгийн чинь нэг л тал нь энэ. Улсын наадамд камер хэрэглэлээ гэхэд “Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй” гэсэн харьцаа алдагдана биз дээ. Хөдөөнийхөн, аймаг, сумдынхан хүн биш юм уу гээд зөндөө асуудал үүснэ ээ дээ. Сумын наадмыг зуун хүн утсаараа бичлэг хийж байлаа гэхэд аль зургааг нь барьж тайлбар өгөх юм гээд мөн ч их юм болно оо доо. Тэгэхээр хөлийн цэцийн шийдвэрээр явах нь зөв шийдэл хэвээр байгаа юм. Хөлийн цэцийг заавал бөх байсан хүн л хийдэг. Тэд өөрсдөө унаж, давж үзчихсэн улс шүү дээ.

-Тав дахь ажлаа тайлбарлаач?

-Бөхчүүдийг онлайнаар бүртгэдэг боллоо. Урьд барилдах бөх биеэрээ, үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлдэг байсан. Энэ бол өв соёлоо хүндэтгэж байгаа сайн хэлбэр л дээ. Тиймээс бөхчүүд маань улсын наадам, цагаан сараар биеэрээ ирж бүртгүүлж байг. Бусад үед бөхчүүдийн цагийг хэмнэх, сэтгэл санааны тайвшрал, оюуны амар тайван бэлэглэх сайн санаачилга болсон доо. Одоо онлайнаар барилдахын урд өглөөний 10 цагаас оройны 17 цаг хүртэл бүртгээд цацчихаар ард түмэн харчихна шүү дээ. Бөхийн жагсаалт хараад “Миний балиашигладаг бөх барилдахгүй нь. За тэгвэл би үзэхээ больё” ч гэх юм уу, тэр хоёр бөхийн барилдааныг сонирхож болох юм байна гэх мэтээр ажил төрлөө зохицуулчихдаг болно доо. Энэ бол орчин үеийн шаардлага яах аргагүй мөн биз.

-Бөхийн холбооны брэнд гэчихээр ямар томоохон ажил байдаг юм бэ?

-Монголын үндэсний бөхийн холбооны 25 жилийн ой 2015 онд болоход “Монгол бөхийн 50 шинэ зүйл” гэсэн ном хэвлүүлсэн. Тэр тавин зүйлээс нийгэмд жишиг болсон арван найман зүйл байдаг юм билээ. Нэг жишээ хэлье. Ерэн онд Бөхийн холбоо байгуулагдаад 45-аас дээш насны бөхчүүлд цолны хишиг олгоно гэж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд “Олимп, дэлхийн аваргын шагналтнуудад төрөөс мөнгө олгоно” гэсэн тогтоол гаргасан. Энэ бол манайхаас авсан жишиг. Шилэн данс гээч юм гараад хоёр гурван жил болж байна аа. Бид арван жилийн Бөхийн холбооны тухайн сарын орлогыг бэлэн, харилцах дансаар нь гаргаж бөхчүүддээ, үзэгчдэдээ тараадаг байснаас шилэн данс улбаатай юм.

Categories
мэдээ цаг-үе

Р.Нямдорж: “Дэндүү өндөрт нисэж явсан бүргэд учраас зөв л газардчихвал” гэж Ама дүүдээ хэлсэн

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Олон улсын Олимпийн хорооны Монгол Улсын Зууны манлай спортын зүтгэлтэн, зохиолч, доктор Рэгжийбуугийн Нямдоржтой уулзаж хөөрөлдлөө.


-Та сайхан өвөлжиж байна уу. ярих хөөрөх сонин сайхан их биз дээ?

-Сайхан өвөлжиж байна. Шинэ он гараад хуучин оныхоо ажлыг дүгнэх, шинэ онд шинэ уриа дэвшүүлж ажлаа төлөвлөх гээд зав зай муутай л сууна.

-Шинэ онд шинэ ямар уриа дэвшүүлж байна даа?

-Манай холбоо хориод жилийн өмнөөс жил бүр нэг шинэ уриа дэвшүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд “Допинггүй Монголын үндэсний бөхийн төлөө” гэсэн уриан дор ажилласан. Энэ 2018 онд “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэсэн уриатай ажиллахаар төлөвлөж байна.

-Та “Ойлголт зөв бол үйлдэл зөв” гэсэн уриа дэвшүүлсэн гэж байна. Монгол бөхийн холбоо чинь олон түмний ойлголтоор “Гацуурт”-ын Чинбат гэж тэргүүнтэй ч юм шиг, эсвэл Нямдорж гэдэг тэргүүнтэй ч юм шиг хоёр холбоо байгаа юм шиг ойлгогдоод байх юм?

-Энэ мэт ойлголтыг зөв ойлгуулахгүй бол үйлдэл буруу гараад байгаа. Тэгэхээр түүх сөхөхөөс аргагүй. 2002 онд Монголын үндэсний бөхийн холбооны дөрөвдүгээр Их эе гэж их хурал болсон юм. Тэр үе бол Бөхийн өргөө ашиглалтанд ороод дөрвөн жил болж байсан он цаг. Бөхийн өргөө гээч юм боссоноор бөхчүүдийн амьдралд айл гэр өөрийн орон гэртэй болчихсонтой адил нааштай том өөрчлөлтийг авчирсан боловч зарим нэг нөхдийн тухайд тэрний эзэн суух гэсэн хүслийг оргилуулсан сайн, муу хоёр талтай. Аливаа үзэгдэл ер нь сайн, муу хоёр талтай байдаг. 2002 оны Их эе дээр бид огт юм бодолгүй, ажлаа хийж, тайлангаа тавиад, дахин улирвал улираад, улирахгүй бол хүлээлгэж өгөх бодолтойгоор хуралд орсон. Тэгтэл тэр хурлаар дархан аварга Х.Баянмөнх гуай, улсын заан Ганболд, Амгай, улсын начин Дуламсүрэн, УИХ-ын гишүүн болсон А.Сүхбат нарын таван хүн толгойлон МҮБХ-г авах зохион байгуулалттай ажиллагааг урьдаас бэлдэж зохион байгуулсан юм. Тэр Их эеэр Бөхийн холбооны тэргүүний албан тушаалд найман хүний нэрийг дэвшүүлж зургаа нь нэрээ татан, тухайн үед “НИК”-д ажиллаж байсан Сүхбаатар гэдэг хүн бид хоёр өрсөлдсөн. Сүхбаатарыг Баянмөнх гуай эд нар дэвшүүлсэн. Их эед 172 хүн санал өгснөөс 90 нь надад, 82 нь Сүхбаатарт өгч найман хүний саналын илүүгээр би ялж байлаа. Миний тухайд ямар нэгэн байдлаар ялчихъя гэсэн юм байхгүй, өөрийнхөө нэр хүндээр л өрсөлдсөн.

-Таны нэр хүнд өндөр байсны нууц юунд байв?

-Арга байхгүй хоёр том үйл явдал үүнд нөлөөлсөн. Бөхийн өргөөг бий болгочихсон. Бөхийн өргөө 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтанд орсон. Үүнээс дөрвөн сарын дараа буюу 1999 оны гуравдугаар сараас “Миний нутаг сайхан” хэмээх спорт, урлагийн наадмыг орон даяар явуулж, үндсэн 18 аймгийг хооронд нь найман төрлөөр өрсөлдүүлсэн. Тэр ажилд тухайн нутгаас төрсөн бүх алдартнууд оролцсон. Тухайлбал, Завхан аймаг гэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди гуай оролцох жишээний. Ямар л авьяастан байна, тэр бүхэн оролцсон үнэхээр Монголыг донсолгосон үйл ажиллагаа болсон. Тэр үйл ажиллагааны хүрээнд нэг нээлт болсон нь Монгол бөхийн өргөөнд бөхийн барилдаанаас гадна урлагийн тоглолт хийж болох юм байна гэдэг нь тогтоогдсон. Тэр найман төрөл дотор 16 бөх барилдах, 12 үзүүлбэртэй концерт тоглоно, хошин шогийн үзүүлбэр үзүүлэх, шатар тоглоно гэсэн зүйлс багтаж байсан. Их мастер Хатанбаатар, Шаравдорж нар гэхэд аймгаа төлөөлж оролцож байлаа. Энэ бүхнийг зохион байгуулсан нэр хүндээр найман хүний саналаар ялсан. Үүгээрээ би бахархдаг. Би сүүлд нэр дэвшихдээ 90 хэдэн хувиар ялалт байгуулж тэргүүнээр сонгогдож байсан л даа. Харин тэр үед найман хүний санал гэдэг их чухал байв.

-Тэр үед зөрчил тэмцэл өчнөөн л гарч байсан даа?

-Маш олон хүнийг ятгасан, элдвээр дайрсан гүтгэлэг их л явж байсан. “Бөхийн өргөөний арван хувийг Нямдорж авчихсан байна. Бөхийн өргөөнд орж буй мөнгө эдний хувийн дансанд ордог юм гэнэ” гэх янз бүрийн л яриа гаргана. Одоогоос олон жилийн өмнө олон түмний ухамсар ч төлөвшөөгүй байлаа. Өнөөдөр олны ухамсар цацаж буй мэдээлэлд үнэн үү, худал уу гэж эргэлзэж ханддаг болсон байхгүй юу. Тэр үед ерөөсөө л хэвлэл мэдээлэлд бичигдсэн л бол туйлын үнэн гэсэн ойлголттой байлаа. “Энэ Нямдорж бол хятадын эрлийз” гээд цацахад үнэн гээд ойлгочихдог, биш шүү гэж аавынхаа зургийг харуулаад “Манай суманд хятад хүн очиж байгаа шүү” гээд ярихад тэр мэдээллийг авсан хүмүүсийн гучин хувь нь хуучин мэдээлэлтэйгээ үлддэг байсан цаг үе. Урьдаас зохион байгуулалттайгаар дайралт хийж гурван өдөр, хоёр шөнө хэрэлдэхэд би тэргүүнээр сонгогдсон. Би монгол бөхчүүдийн ноён нуруу, бөхийн орчны эрүүл ухаанд их ч баярласан.

-Та нарын зөрчил ч заримдаа багаахан дажны хэмжээнд тулж хаалга үүдийг чинь эвдэх хэмжээндээ тулах юм аа?

-Хаалга үүд эвдэх зэрэг чинь арваад жилийн өмнөх асуудлаас хойш үргэлжилсээр өнөөг хүрэхгүй юу. Чинбат гэдэг хүн Бөхийн холбооны албан ёсны биш тэргүүнээр яагаад сонгогдов гэхээр 2002 оны Их эеэр ялагдангуутаа тооллогын комиссын тоолоод, бичлэг хийчихсэн баримт байж байхад “90 санал авсан Р.Нямдоржийг тэргүүнээр сонгосонд тооцсугай” гэсэн тогтоол дээр гарын үсэг зуралгүй Ганболд, Баянмөнх гуай эд нар аваад зугтаачихсан юм. Шүүхэд хандахаар “Тогтоолоо аваад ир” гэдэг. Тогтоолгүй учраас тэргүүнээр сонгогдсон нь нотлогдохгүй байна гэж байгаа юм. Шүүгч үүнд буруутай.

-Шүүгч яагаад буруутай гэж?

-Миний санал авсан 90 хуудас, Сүхбаатарын санал авсан 82 хуудас, хурлын протокол, бүх бичлэг байхад нотлох баримт хангалттай яа даа. Дээр нь 172 гэрч байхад “Нямдорж тэргүүнээр сонгогдсон нь тогтоогдохгүй байгаа учир ээлжит бус Их эеийг хуралдуулж тэргүүнээ сонго” гээд гурван шатны шүүхийн шийдвэр гаргачихаж байгаа юм. Тэгэхээр эд нар шүүхийн журмаар ээлжит бус Их ееийг хуралдуулж Нямдоржийн ажлыг авна аа л гэдэг байхгүй юу.

-Ээлжит бус Их эеийг хуралдуулж болдоггүй юм уу?

-Ээлжит бус Их эеийг хуралдуулахад Цэцдийн зөвлөл гэсэн 67 хүний бүрэлдэхүүнтэй бүгд хурал хуралдах ёстой. Нөгөө улсын дотор намайг дэмждэг үй олон хүн байдаг учраас цуглаж өгдөггүй. Хүчээр гэрээс нь айлган сүрдүүлэх зэргээр ирц бүрдэхгүй, хууль бус аргаар Цэцдийн зөвлөлийг хоёр гурван удаа хуралдуулж эхлээд Рэнцэндорж гэдэг хүнийг, дараа нь Чимэд-Юндэнг, тэгээд Жавзмааг, хамгийн сүүлд Чинбатыг тавьж байгаа юм. Энэ арван зургаан жилийн турш хийж байгаа юм нь бүгд хууль бус учраас шүүх дээр очоод унана л даа. Сүүлчийнх дээр бид шүүхдээгүй. Яагаад шүүхдээгүй вэ гэхээр “Бид хуралдаад Чинбат гэдэг хүнийг тэргүүн болгочихсон” гэхэд нь “За, зүйтэй. Хэдэн төлөөлөгч, яаж хуралдаад сонгосон юм. Хурлын бүх бичиг баримтаа аваад ир. Тэрийг чинь үзээд албан ёсны юм байвал бид ажлаа хүлээлгээд өгье. Албан бус байвал шүүхэд хандана аа” гэхээр нэг ч хуудас цаас авчирч өгдөггүй. Дээр нь нэг ч телевизээр мэдээ явдаггүй. Хуйвалдаан хийчихсэн учраас олон түмнээс нууж байхгүй юу. Увс, Төв аймгийн харьяат улсын цолтой гуч дөчин бөхчүүдийг өөр хаанахын ч юм хаа хамаагүй хүмүүстэй нийлүүлж хуралдуулсан болчихоод ажил авна аа гээд байдаг. Бид тэр шийдвэрийг нь хүлээж байтал 2017 оны долдугаар сарын 18-нд А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар хоёр толгойлоод гэнэтхэн жаал залуус дагуулж ирээд Бөхийн өргөөг эзлээд авсан. Шөнө нь бөхчүүд дайрч орж тэднийг гаргасан. Үүнээс өмнө Ганболд, Амгай, Дуламсүрэн гурав ирж миний өрөөний хаалгыг цүүцдэж онгойлгоод тамга тэмдэг булааж явсны ул мөр хаалганд үлдчихсэн л байна. Ийм болхи ажиллагаа Бөхийн өргөөн дээр үе үе болно шүү. Энэ байдал ард түмэнд тодорхой болчихсон учраас тодорхой нуршилтгүй хүмүүс мэднэ. Нямдоржийн баг юу хийж бүтээсэн бэ гэдгийг олон түмэн мэдэх учраас эднийхэнд итгэх хүн бөхийн хамт олон дотор л лав их цөөн.

-Чинбат захирлыг та сайн таних уу?

-Тэр Чинбат гэдэг хүн манай Говь-Алтай нутгийн нөхөр. Би Чинбатыг бол огт танихгүй, манай зэргэлдээ сумын хүн л гэсэн. Ү.Хүрэлбаатарын хувьд манай Бөхийн холбооны тэргүүлэгч байсан. Түүнийг мэдэх хүн мэддэг байх, жаахан зовлонтой. Түүнээс нь болоод 2014 онд тэргүүлэгчээс нь гаргасан юм. Тэр л өш хонзонгоор л хүний гар хөл болж явдаг байх.

-Ү.Хүрэлбаатарын юу нь зовлонтой гэж?

-Асуудалд хандах хандлага, асуудлыг үнэлгээжүүлэх энэ тэрд хуумгай ханддаг хүн.

-А.Сүхбат аварга УИХ-ын танхимд “Төрийн бус байгууллагуудаа цэгцлээч” гэж байсан. Төрийн бус байгууллагын асуудлыг төр дур мэдэн зохицуулах хууль журам байхгүй биз дээ?

-“Төрөөс төрийн бус байгууллага хараат бус байна” гэсэн хуультай. А.Сүхбат бүр шууд “Бөхийн холбоог Нямдоржоос салгаж өгөөч ээ” гэж байна лээ. Санаа нь тэр л дээ. Ерөнхий мэдлэгийн түвшин доогуур хүнээ л илтгэж байгаа хэрэг шүү дээ. “Төрөөс төрийн бус байгууллага хараат бус байна, төр үүнд оролцож болохгүй” гэсэн түвшний ойлголт байхгүй учраас л тийм юм ярьж байгаа юм. Тэр нь юм мэддэг хүнд өөрийгөө илчилсэн инээдтэй үйлдэл л дээ.

-Баянмөнх аварга “Нямдорж монгол бөхийг устгаад, мөхөөгөөд хаячихлаа. Үүний нэг жишээ нь хаялцах мэх” гэж байнга ярих юм. Та үнэхээр монгол бөхийг устгах бодолтой хүн юм уу?

-Баянмөнх гуайн хувь хүний л дүгнэлт л дээ. Бид тэр хүнээс боловсролын түвшин арай өндөртэй.

-Таныг мэх мэдэхгүй л гэх юм билээ?

-Мэх мэдэхгүй гэдэг нь ч юу л бол. Бид хоёр хоорондоо барилдах гэж байгаа хүмүүс биш. Бид монгол бөх гэдэг өв соёлд менежмент хийж байгаа улс. Бидэнд боловсрол, сэтгэл, шударга ёс хэрэгтэй. Монгол бөхийн барилдаанд ийм мэх хийнэ гэж заадаг биеийн тамирын сургууль биш шүү дээ. Тэгэхээр Баянмөнх гуайн ярьж байгаа зүйл нь огт утга учиргүй юм. Бөхийн холбоог өгчихье, хэр утга төгөлдөр юм хийх улс вэ гэж бид бас анализ хийж байгаа юм. Баянмөнх гуай, хүргэн байсан А.Сүхбат, хүү Гантогтох нартайгаа “Мэргэжлийн монгол бөхийн холбоо” гээч юм байгуулсан. Ганболд, Дуламсүрэн, Амгай эд “Хасуу бөхийн барилдаан” гэгч юм зохион байгуулж байгаа юм. “Нямдорж гэж нэг хоцрогдсон амьтан байна” гэж огцорсон хоёр ч Ерөнхий сайд дагуулж над дээр ирсэн ш дээ, тэд. Тэдний монгол бөхөд хийж байгаа шинэчлэл гэгч нь дугуй тойрог татаад, тэр дотор хоёр бөх барилдан, хаялцвал хаялцана. Хаялцахгүй бол хэн тэр тойргоос эхэлж түлхэж гаргасан нь давна гэж байгаа юм.

-Үндсэндээ сумогийн л дүрмээр барилдах нь ээ дээ?

-Тэдний сэтгэлгээний түвшин, хүрээ нь л тийм байгаа юм. Хувьсгалын дараа хувьсгалт романтизм гээч юм гарсан шиг сумог шүтэх өвчин л байхгүй юу. Тэдний буруу ч бас биш юм. Төрийн сайд хүн хүртэл “Би сумо гарахад хаалгаа түгжиж байгаад үздэг. Төрийн ажил зогсдог” гэж хүртэл ярьж байлаа шүү дээ. Энэ бүхний үр дүн яаж гарч байна гэхээр монгол бөхийн өмсгөлтэй сумо барилдаан болчихож байгаа юм. Монгол бөхийг устгадаг жинхэнэ аюул чинь энэ мөн өө дөө. Хаялцах барьцыг л тэд ярьж байгаа хэрэг. Бөхчүүд өөрсдөө хэзээ ч шийдэж чадахгүй. Хаялцах барьц чинь хүн өөрөө олоод барьчихдаг монгол бөхийн мэх. Өсөхбаяр аваргыг Сүхбат аварга яг энэ барьцаар хаяж байсан юм. Монгол бөхийн барьцыг л албадан бариулж байгаа барьц болохоос сумо шиг тойрогт оруулаад түлхэе гэдгээс хамаагүй шинжлэх ухаанч шийдэл л дээ. Намаар хуваагдаж хэн хэнээ гүтгэж доромжилдгийн халдвар тэдэнд туссаны нэг илрэл нь энэ барьц сонгохыг шүүмжилж гутаах үйлдэл. Өнөөдөр хоёр бөх унаж муужиртлаа барилдахыг хүлээдэг нийгэм биш. Тэр барилдааныг маш эрчтэй, хурдтай, тодорхой цаг хугацааны дотор явуулах ёстой. Социализмын үеийнх шиг ямар ч үзэж харах юм байхгүй, зөвхөн бөх үздэг хүнд дөрвөн цаг сууна уу, арван цаг сууна уу, наадмын үзүүр түрүүний бөх дөрвөн цаг арван есөн минут барилдана уу, огт хамаагүй байлаа ш дээ. Хэрвээ бөхчүүд ийм удаан барилдвал өнөөдөр ард түмэн шууд хаяад явчихна. Өнөөгийн нийгмийн шаардлагад тохируулах хэрэгтэй учраас хоёр бөх тодорхой хугацааны дотор хаялцах ёстой. Тийм учраас тэр барьцыг бид хаялцах гэж нэрлэсэн. “Энэ барьцыг шүүмжилж байгаа хүн хувилбараа хэл” гэсэн эрх чөлөө одоо ч нээлттэй байгаа. Бөхчүүд хоёр санал хэллээ. Нэгдүгээрт, хөл авъя гэсэн. Туршлаа. Хөл аваад хүн хаяна гэдэг хөдөлгөөн дунд хөдөлгөөндөө тааруулж хөл аваад хаядаг болохоос яг зогсож байгаа хүний хөлийг аваад боллоо гэх юм бол хөлөө авахуулсан хүн нь хаядаг юм байна лээ. Үүнийг больёо гэсэн.

-Нөгөөх нь ямар хувилбар байв?

-Хоёрдугаарт, нэг нь шуудагдаад мөргөж хөөеө гэсэн хувилбар. Ийм мэх монгол бөхөд байдаг. Гэтэл зогсож байгаа хүнийг мөргөж хөөхөөр урдаас нь цээжээрээ цохиод хүзүү нь гэмтсэн. Энэ хоёр болохгүй юм байна гэж бөхчүүд өөрсдөө больсон. Одоо энэ хаялцах барьцнаас өөр барьц байвал хэл ээ л гэж байгаа. Хүн муйхар юм их ярьдаг. Аргаа хэл ээ гэхээр тойргоос шахаж гаргана л гэж хэлэх гээд байхгүй юу. Тойргоос түлхээд гаргавал монгол бөхийн өмсгөлтэй сумо болно гэдгийг ухаарч чадахгүй байгаа юм. Сумо гэдэг чинь жижигхэн тойрог дотор хоёр бөх барилдаж байгаа барилдаан. Монгол бөх чинь том оо тойрог дотор хорин хос барилдаж байгаа барилдаан. Тийм ялгааг хайхрахгүй олон юм ярих нь муу. Энэ бол оюун санааны алдаа.

-Сумо гэснээс таны ач дүү Ама Бямбадоржийн тухай асуухгүй өнгөрвөл алдас болох байх. Монголд л харьцангуй нэг их тоохгүй болохоос Японы сумогийн ертөнцийн гол дуулиан болоод байгаа юм биш үү?

-Байдал бол тийм ноцтой, амьдралаа ч юм уу, амь насаа алдах гэж байгаа зүйл биш ш дээ. Тийм нэг юм болж. Сумогийн ертөнцөөс гарлаа. Манай ах дүүст жаахан жаахан онцлог байна аа. Мэдэх хүн мэднэ. Ама бол одоо өөрөөр амьдрах ёстой тийм насанд хүрчихсэн. Манай дүү, улсын заан Давааням маань ганц бөхөөр амьдраагүй. Бөхөд тодорхой амжилт гаргаад өөрөөр амьдарсан. Миний хүү, улсын гарьд Ганбаатар гэж бөх байна. Гучин тав хүрлээ. Одоо өөрөөр амьдарна. Ама гучин гурав дөрөв хүрлээ. Бол оо. Тэрийгээ мэдээд жил гаруйн өмнөөс Монголдоо “Харумафужи-Шинэ Монгол” гэдэг сургууль байгуулсан. Барилгууд нь нэлээд явчихсан. Яармагт нэг корпус нь баригдаад дуусаж байна. Ирээд сургуульдаа ажиллана. Ардын хүүхдийг эрдэмд бэлдэнэ. Бид бүгдээрээ дэмжиж ажиллана. Одоо Японд эдийн засгийн сургууль төгсөх гэж байгаа. Дараагийн амьдралаа төлөвлөчихсөн хүн. Сумод 2020 он хүргэх бодол байсан байх. Тэгэхээр Амагийн зодог тайлах нь бидний тухайд эмгэнэлтэй асуудал биш. Би өөрт нь “Газар дээрээ зөв буучихвал чамд ямар ч асуудал байхгүй ээ” гэж хэлж байгаа. Газар дээрээ зөв бууна гэдэг чинь учиртай. Сумогийн их аваргууд гэдэг чинь дэндүү өндөрт нисэж байгаа бүргэдүүд шүү дээ. Тэд нарыг байтугай намайг хүртэл хүмүүс таньдаг гээд явуулахгүй байдаг. Гудамжны архичин нөхөр хүртэл зурагтаар гардаг хүнийг чинь барьж аваад “Нямдорж ах аа” гээд сүйд болдог. Тэгэхэд ёкозуно гэдэг чинь биднээс дэндүү өндөрт хэдэн үе толгой дээгүүр нисэж явсан хүн учраас тэрийгээ алдлаа гэхэд хөрсөн дээрээ л зөв буучих гэж байгаа. Хөрсөн дээрээ зөв бууж байгаа. Ама чинь өөрөө зураг зурдаг хүн ш дээ. Маш гоё зурна. Японд үзэсгэлэн нь гарсан. Эдийн засгийн боловсрол олж байгаа. Цагдаа, хууль эрхзүйн боловсролтой. Эцэг нь лут хүн байсан учраас хар багаас нь зөв явуулчихсан. Амаг төрөхөд аав нь гэрт нь эх барьж авсан юм шүү дээ. Аав нь эх баригч-эмч хүн байлаа. Оюутан байхдаа л гэхэд хорин хүүхэд эх барьж авсан байдаг. Ама маань маш халуун сэтгэлтэй хүн. Болно доо болно.

-Халуун сэтгэл гэдэг ч цэвдэг хорвоог туулах хүн гээч амьтны яах аргагүй л жигүүр нь дээ?

-Халуун сэтгэл гэдэг нэг чухал юм байна шүү хө. Ядарсан зүдэрсэн бүхий л ах дүү нартаа тусална. Японд үзүүлдгийг нь үзүүлээд, эмчлүүлэхийг нь эмчлүүлээд, тусалдагт нь туслаад явдаг хүүхэд. Би өглөг сурталчилдаг хүн. Бавуугийн Лхагвасүрэн “Өглөггүй баянд үгүйрэл зохилтой. Өргөмжгүй насанд үхэл зохилтой” гэдэг үгийг өөрөө зохиосон шиг байгаа юм. Би энэ үгийг хэлдэг юм. Ама минь өглөгтэй, халуун сэтгэлтэй хүн. Тэрнээс өөрөө л баяжиж байвал болдог, өөрөө амьдарч байвал болдог юмнаас хүн их татгалзана. Би “Яаж жаргах вэ” гэж ном бичсэн хүн дээ. Хүний амьдралын утга учир бол бусдад туслах юм байна гэж бичсэн. Үр хүүхэд төрүүлж өсгөх бол үүрэг юм байна. Адгуусанд ч байдаг зүйл юм байна. Гүү унагалаад, хонь хургалаад төлөө долоогоод, сүүгээ хөхүүлээд биеэ даахаар нь танихгүй болоод явдаг. Хүн бол хүүхдээ төрүүлж хүн төрөлхтнийг залгамжлуулах нь үүрэг юм байна.

-Орчин үед хүний ёсон жаахан хүйтрээд байгаа юм шиг санагддаг даа?

-Хүний амьдралын утга учир бол бусдадаа туслах юм гэдгийг ухаараад би тийм ном бичсэн. Яагаад гэвэл чи байхгүй бол би оршин тогтнохгүй юм билээ. Робинзон Крузо шиг тэнгисийн дундахь арал дээр аваачаад хаячихад хүн хэр тэсэх бол. Хүн хүндээ тусалж байж хүн төрөлхтөн оршин тогтнох юм байна гэж л би бичсэн хэрэг. Би чинь зүгээр нэг бөх барилдуулаад явдаг хүн биш.

-Та бол уг нь уран бүтээлээ эрт хаячихаагүй бол Монголын авьяастай зохиолчдын л нэг дээ?

-Би зохиол бичих гэж бүр багаасаа их оролдсон юм. Зохиолч болох гэж хар багаасаа хүссэн. Аав маань цэргийн даргын албыг арван хоёр жил хашаад ар гэрийн гачигдлаар сумандаа очоод өөрөөсөө арван долоо дүү охинтой арван долоон настайд нь суугаад бид гарсан. Манай суманд аав шиг минь боловсролтой хүн байгаагүй учраас бид гэрийн боловсролоор маш их зүйлийг сурсан. Тиймээс ч бид арвуулаа их дээд сургууль төгссөн. Аавыгаа амьд ахуйд ааваасаа их зүйл сурсан манай ах, Давааням дүү бид арай дөнгүүр боловсролтой болцгоосон. Аав маань надаар шүлэг бичүүлээд өөрт нь таалагдвал нэг төгрөг өгдөг байсан. Тэр үеэс уран зохиол их уншсан даа. Хэдэн өгүүллэг бичсэн. Өгүүллэгүүдийг маань тоох нэг нь нэлээн тооно.

-За, хэн хэн тоох вэ?

-Уншсан хүн уйлна. Хүн үхээд уйлуулаад байдаг өгүүллэг биш. Эсвэл нэг юм олоод баярлаад байдаг ч биш. Хүний сэтгэлийн торгон мэдрэмжийг жаахан хөндөх гэж оролдсон гэх үү дээ. Би их сургуульд сэтгэл судлалын хичээл зааж байсан юм л даа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гэхэд “Нямдорж харахад бүдүүн бараг. Ийм хүний хаанаас нь ийм уянга гарна вэ” гэж дурсамж хүртэл бичсэн л байдаг. “Газрын хол” гэж гайгүй өгүүллэг бичсэн. Энэ өгүүллэг бүр кино ч болсон. “Дөмөн дуутай намар” маань байна. Миний бичсэн өгүүллэгүүдийн хоёр түүвэр энэ. “Бодоод байхад…” гэж шүлгийн жижигхэн түүвэр гаргасан. Тэр шүлэг гэхээсээ илүү амьдралын тухай философиуд байгаа юм. Уг нь энэ мэтчилэн бичээд байж болох л байсан. Гэсэн ч 1990 он гээд уран зохиол, эрдэм шинжилгээний ажил, ажлын карьер тэр бүхнээ орхиод бөхөд хамаг амьдралаа, залуу насаа зориулахаар шийдсэн хүн. Их сургуулийн хуулийн сургуулийн декан байсан хүн шүү, би.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

Шагдарын Лхамноржмаа: Сэтгэлийн амгаланг олох л хамгийн сайхан

Монголын зохиолчдын эвлэлийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Шагдарын Лхамноржмаатай уулзаж хөөрөлдлөө. Лхамаа найрагч бол онгод төгөлдөр, цалгиатай халгиатай уран бүтээлч.

“Би эх орныхоо ээж нь

Бэтгэртлээ санаж амиа дэвсдэг эх нь

Хүүхэд шиг уйлж,

Хөхөө чинэрүүлдэг шүү,

Үр-Эх орон минь…” гэж тэр л бусдаас тэс өөрөөр эх нутгаа хайрлан дуулсан. Дөрвөн жил гаруй хугацаанд хэвлэлд ярилцлага өгөөгүй эрхэмсэг найрагч маань “Даяарын амгалан” хэмээх утга төгөлдөр нэр бүхий уран бүтээлийн цэнгүүнээ Соёлын төв өргөөнөө удахгүй толилуулах болжээ.

-Дөрвөн жил чимээгүй байснаа гэнэтхэн “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүнтэй хамт уншигч, фенүүддээ эргэж иржээ. Энэ нэрнээс харахад Лхамаа өнгөрсөн дөрвөн жилд өөртөө юу нээж, бас олов гэж асуумаар санагдлаа ?

-Сүүлийн хэдэн жил би жаахан өвдлөө. Гэвч хэцүү бүхний ард олон хүний тус дэм, сэтгэл, итгэлийн хүчээр гарлаа. Хүн өвдсөн ч гэлээ бас өөртэйгөө “ажиллаж”, өөрийнхөө дотогш өнгийж, сэтгэлийн амар амгалан, орон зай, зөн мэдрэмжийг таньж, өөртэйгөө ярилцаж байх ёстой юм шиг байна. Сэтгэлийн амгаланг олох л хамгийн сайхан юм. Тиймээс уран бүтээлийн тоглолтоо “Даяарын амгалан” гэж нэрлэсэн. Дээр нь цагаан сар ч дөхөж байна. Сайн сайхныг мөрөөдвөл сайн сайхан дагаж явдаг. Хайр нигүүслээр бялхсан зүрх сэтгэл амар амгаланг олж харахдаа сэргэг байдаг. Хүн бүхэн тийм л амгаланг мэдрээсэй гэж хүссэн юм. Би урьд нь 2009 онд “Чамайг бүтээхүй” гэсэн нэг тоглолт хийж байсан. “Даяарын амгалан” уран бүтээлийн цэнгүүн маань хоёрдугаар сарын 3-ны 15 цагт Соёлын төв өргөөнд болох юм. Монгол Улсын консерваторын үндэсний найрал хөгжим удирдаач Р.Ганбатын удирдлагаар оролцож тоглоно.

-Цэнгүүнд тань хэн хэн оролцох бол. Таны хань, Монголын шинэ цагийн хөгжмийн нэрт зохиолчдын нэг Цэн.Эрдэнэбатын аялгууг нь зохиосон олон дуу дуулагдах байх даа?

-Эрдэнэбат бид хоёрын хамтран зохиосон олон дуу бий. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Ө.Уянга нар “Ижий улирал” дууг минь дуулна. Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатар “Сэтгэлийн гэгээ”, “Шуранхайт нутаг” дуунуудыг дуулах юм. Бас бид хоёрын “Би чамд хайртай”, “Зүрхний гижиг” дуунуудыг Соёлын тэргүүний ажилтан Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хослон дуулдаг даа. Тэд маань ч ирнэ. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Чулуунбаатарын “Цаг мөнхийн хайр” байна. Дуучин Э.Оюумаагийн дуулсан “Өнө мөнхийн хайлан”, “Ертөнцийн наран ээж”, дуучин Э.Болормаагийн дуулсан “Уйдашгүй эх орон”, Ш.Лхагвасүрэнгийн “Хайрын тавилан” гээд их олон дуу бий, бид хоёрт. Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын аялгуу, миний шүлэг “Сүүн замтай Монгол”-ыг соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Жамсранжав, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дуулж байгаа.

-Өөр олон уран бүтээлч оролцож байгаа юу?

-Хөтлөгч Д.Цовоо, Б.Гантигмаа нар шүлгүүдээс минь уншина. Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн болон “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо нар маань оролцож уран бүтээлийн дээжээ өргөнө. Тоглолтын найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр маань, продюссерээр Улсын драмын эрдмийн театрын ахлах менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэл нар маань ажиллаж байгаа. Сэтгэл зүрхээрээ уран бүтээлийг минь дэмжиж байгаа байгууллага, хувь хүмүүс олон байгаад би баяртай байна. Улаанбаатар хот дахь Архангай аймгийн Чулуут сумын нутгийн зөвлөлийнхөндөө, “Хүчит Чулуут” компанийн захирал Л.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Гомпилдоогийн Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархаж байна даа.

-Ингэхэд шинэ ном нь хэвлэгдэх гэж байгаа гэл үү?

– Би уг нь цэнгүүн гэхээсээ урьд номоо л гаргая гэж бодож байсан юм. Сүүлдээ нэлээд бодсны эцэст номоо ч хэвлүүлье, цэнгүүнээ ч хийе гэсэн шийдэлд хүрсэн. Номын маань нэр “Шүлэг тарьдаг эх орон”. Би чинь их замбараагүй хүн.Чихрийн цаас, тэмдэглэлийн дэвтэр хаа сайгүй л шүлгээ бичээд орхичихдог. Тиймээс энэ шүлгүүдээ нэг цэгцэлсэн нь дээр юм байна гэж бодлоо. Өмнө нь би “Ижий улирал”, “Цаг мөнхийн хайр”, “Гийнгоо” нэртэй гурван цомгоо хэвлүүлж байсан. 2006 онд “Зүрхний гижиг” дан яруу найргийн, 2009 онд “Даяарын амгалан” яруу найраг, дууны цомог гаргаж байлаа.

-Таныг харахад эршүүд хэрнээ уяхан, бас жаахан танхилдуу бүсгүй мэт санагддаг. Гэтэл хүнд хэцүү давааг даваад гарчээ?

-Юуг бэрхшээл гэж харахаас л бүх юм шалтгаална. Гэхдээ өвдөх хамгийн хэцүү юм. Мөнх юм шиг бусдад үүрдийг бүү амла. “Өлмийд чинь юу ивснийг өөрөө ч олж хардаггүй” гэж үг бий. Гол нь сэтгэлээ анагаах нь амар амгалан юм шиг байна.

-Хүн бүхэнд шүлэг бичих авьяас байдаг. Яагаад гэвэл бүгд л дурладаг гэлцдэг. Гэсэн ч яруу найрагч байна гэдэг өөр тавилантай шиг санагддаг?

-Хүнээс өөр гэж бодохгүй байна. Гэхдээ өвсний гунигийг, өөр хэн нэгний нулимсыг, уулсынхаа тунихыг илүү мэдэрдэг байж магадгүй юм аа, бид.

-Таны хамгийн түрүүнд аманд орж ирдэг шүлгийг сонсмоор байна?

-Эх хүнд үхэл ирдэггүй… Ээжүүд он цагийн үргэлжлэл.

-Тэгвэл эмэгтэй хүн байх тухай, ялангуяа хүн байх тухай та ямар төсөөлөлтэй явдаг вэ?

-Ээж байна гэдэг харин ч хүнээс илүү үүрэг хариуцлага, илүү тэвчээр, талбиу ухаан нэхдэг тавилан юм шиг байгаа юм. Уучилж сурсан хүмүүс, хайрлаж чаддаг хүний олонх нь хүн байж чаддаг.

-Эхлээд хүн бол, дараа нь яруу найрагч бол гэж үг ч бас байдаг даа?

-Нэг талаараа яруу сэтгэлтэй байж гэмээнэ яруу найрагч байдаг. Үг төдийгүй авиа хүртэл өөрийн энерги эрчимтэй байдаг болохоор үг, өгүүлбэрийн ерөөл жигдрүүлж байгаа хүн нь өөрөө хэзээ ч муу хүн байж таарахгүй санагддаг. Муу санаа, муухай үг цөөн, их л гэнэн хүмүүс байдаг шүү дээ, манай найрагчид чинь. Магадгүй сэтгэлийн нэг гоёл нь гэнэн байх явдал байж болох юм. Атаа жөтөө дүүрэн, алаан тулааны талбар шиг гэж амьдралыг харахаасаа илүү энэрэл эл бэрэл дүүрэн, хайр уучлалын ертөнц гэж харвал тийм л байх болно гэж итгэдэг.

-Хүмүүс амьдралдаа алдсан, оносон тухай янз бүрээр ярьдаг. Та алдааны тухай ямар бодолтой байдаг вэ?

-Залуу нас, гэнэнээрээ гоёж яваа хүн аль алдааг тойрч гарах вэ дээ. Өчигдрийн алдаа гэж өөрийгөө зэмлэлээ ч, тэр нь миний маргаашийн оноо байхыг алийг тэр гэхэв. Алдахгүй гараа хумхиж, буруугийн дэргэд дүлий болж, зөвийн хажууд хэлгүй юм шиг байж яруу найрагчид угаасаа сураагүй.

-Таны хувьд шүлгүүдэд нь хайртай тийм найрагч хэн бэ?

-Олон сайхан найрагчид бий. Хүнийхээ хувьд болон найраг шүлгээр нь Ичин, Мөөжиг, Хулан, Анхтуяа, Чулуунцэцэг, Оюундэлгэр, Болорцэрэн, Төгсжаргал, Үл-Олдох нарын хүүхнүүддээ хайртай. Мэдээж Ш.Дулмаа багшийнхаа ухааныг биширдэг. Ц.Чимиддорж, Т.Галсан гуай, Б.Лхагвасүрэн гуай, П.Бадарч гуай, Д.Урианхай гуай, Д.Цоодол гуай нарын олон сайхан яруу найрагчид маань найргийн тэнгэрийнхээ тулах багана болоод бидний дунд байж л байна. Энэ бол бидний хувьд үнэхээр том хувь заяа юм.

-Арын сайхан хангайн Чулуут гол гэж боргио даргиатай сайхан голын хөвөөнд төрж өссөн найрагчаас нутгийнх нь тухай асуухгүй бол алдас болно доо?

-Чулуут голынхоо эрэг дээр, сургууль гэр хоёрын хооронд аав ээждээ эрхэлж өссөн. Жаахан сахилгагүй, эрэгтэй хүүхэд шиг охин байсан ч онц сурдаг, олон сонгуультай, мундаг хэнхэг хүүхэд байлаа. Сүүлийн гурав дөрвөн жил нутагтаа очиж амжсангүй. Нутгийн минь сүмбэр сайхан уулс модтой хадтайгаа санаа бодол, зүүд нойронд хүртэл уран зураг шиг дурайж харагдах юм. Ирэх зун нутагтаа очно доо.

-Анхны шүлгээ санадаг уу?

-Аавын тухай шүлэг. Миний аав сайхан барилддаг, ээжид минь халамжтай, биднийг их эрхлүүлдэг хүн байлаа. Аав минь даанч эрт өөд болсон доо. Миний шүлэг бичих шалтгаан аавын минь нутаг сэлгэлт байсан. Дарамын Батбаяр гуайн “Яруу найраг гэдэг найрал хөгжим биш, нулимс урсах чимээ” гэж хэлсэн нь сэтгэлд нэг юм сэрхийтэл хийж билээ, тэгэхэд.

-Хэдэн жилийн өмнө дөө “Хэрвээ та яруу найрагт сэтгэл алдраагүй байсан бол” гэсэн асуултад “Гэгээрэхийн төлөө чадлаараа тэмцэгч сахил сахьсан хүн байхыг мөрөөддөг байлаа” гэж хэлсэн чинь санаанд орлоо. Одоо ингэж асуувал та юу гэж хариулах бол?

-Одоо сэтгэлийн амгаланг эрж хайсан, өөрийнхөө дотоод руу өнгийсөн тийм л цаг үедээ явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнбатын Алтангэрэл: Шавь нар маань математикийн олон ч олимпиадад тэргүүлж байсан

Ц.Алтангэрэл Монгол Улсын гавьяат багш, доктор Ш.Чимгээгийн хамт

ндэсний лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн захирал, Ардын боловсролын тэргүүний ажилтан Цэрэнбатын Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Та хэдэн онд багш мэргэжлийг эзэмшиж байв?

-Би 1964 онд төрсөн Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул хүн. Манай нутаг чинь алдарт “Хүрэн морь” найраглалыг туурвисан төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн, төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ш.Өөдөс, Г.Пунцаг, хошууч генерал Н.Паль, гавьяат жүжигчин Х.Пүрэвдорж, гавьяат тээвэрчин С.Зина, доктор Н.Логи, улсын идэр шаламгай начин П.Нямжанцан, улсын начин А.Норов нарын урлаг соёлын алдартнууд төрөн гарсан Алтан гадас одонт сум л даа. За, тэгээд ямаагаараа улсад тэргүүлдэг сум. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч уржнан хавар очиж нутгийн маань талаар сайхан сурвалжлага хийснийг уншаад баярлаж л байлаа. Улсын аварга малчин Д.Дүйнхэр, Дэмчиг, хошой аварга “Алтан ишиг”-ний эзэн П.Сэмнээ, Б.Адъяа, Д.Төмөрбаатар, С.Үрчгэр, П.Намсрай, С.Тамжаа, А.Дагвасамбуу, Л.Содномпил, Б.Чойдорж, Б.Доржпүрэв, Ц.Цогбадрах нарын олон сайхан малчид байна. Би Бөөнцагаан нуур, Гурван Аргалантын нуруу зэрэг тэгш сайхан үзэмжит энэ сайхан цэнхэр говьд төрж өсөөд, 1983 онд нэгдүгээр 10 жилийн сургуулийн аравдугаар ангийг дүүргэн Монгол Улсын их сургуулийн физик, математикийн ангид элсэн орж 1988 онд математикийн багш мэргэжлээр төгссөн дөө. Түүнээс хойш боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалж, 1998 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын менежерийн анги төгссөн.

-Социализмын сүүл үеийн, өөрчлөн байгуулалт гэж яригдаж байсан тэр үеийн л багш юм аа даа?

-Сургуулиа төгсөөд 1988-1998 онд Баацагаан сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажиллалаа. Нутагтаа сайхан л байсан. Тэндээсээ аймгийн төв рүү шилжин ирж 1994-2004 онд Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургуульд багш, секцийн ахлагчаар ажиллахдаа олон ч сайхан шавьтай болсон. Түүнээс хойш 2005-2008 онд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга, 2009 оноос аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар, 2013 оны тавдугаар сараас одоог хүртэл “Номун далай” цогцолбор сургуулийн захирлаар ажиллаж байна.

-Түмний үрсэд эрдмийн хишиг түгээх, удирдах ажил хоёрын ялгаа анзаарагдана биз?

-Хөдөө сумын сургуулийн багшийн ажлаар ажил, амьдралын гараагаа эхэлсэн болохоор сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, сургалтын чанар, сургуулийн сургалтын орчныг сайжруулах, заах арга, ур чадвараа дээшлүүлэхэд л голлон анхаарч үр бүтээлтэй ажиллахыг чармайдаг байлаа. Хамгийн гол нь аймаг, бүсийн олимпиадад шавь нараа амжилттай оролцуулж, математикийн олимпиадын аварга сурагчдыг олноор төрүүлэхийг хүсэж үүндээ ч хүрч л байсан.

-Өөрөө ч олимпиадад олон удаа амжилттай оролцож байсан биз?

-Математикийн олимпиадын аварга багшаар хэд хэдэн удаа шалгарч л байсан. Аймгийн төвийн “Номун далай” цогцолбор сургуульд математикийн секцийн ахлагч, багшаар ажиллаж байхдаа сурагчдын сэтгэн бодох ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Дрихлейн зарчим”, “Инвариант, комбинаторик ба магадлал” зэрэг ном бичиж сургалтад ашиглаж байсан маань хожим боловсрол судлалын магистрийн зэрэг хамгаалахад минь их нэмэр тусаа өгсөн шүү.

-Багш хүн улстөрд орж болохгүй гэсэн хууль байхгүй л дээ. Гэхдээ та яаж яваад тийшээ орчихов?

-Би ардчиллыг анхнаас нь л дэмжсэн хүмүүсийн нэг. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажиллагаанд идэвхтэй оролцож, аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хэлбэрийг шинэчлэх, байгууллага, хамт олныг удирдан зохион байгуулахад санаачилгатай ажиллаж байгаа жирийн л нэг төрийн албан хаагч л даа, би. 2000-2008 онд аймгийн Иргэдийн төлөөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр хоёр ч удаа сонгогдож идэвхтэй сайн ажиллалаа. Энд ажиллаж байхдаа аймгийн нийгмийн салбарын хөгжлийн стратеги, бодлогыг боловсруулах, төлөвлөх, боловсрол, соёл, урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд зэрэг хүн ам зүйн чиглэлээр явуулах бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулахад гар бие оролцож явсандаа сэтгэл хангалуун л байдаг.

-Багшаар нь ажиллаж байсан “Номун далай” цогцолбор сургуульдаа захирлаар томилогдон ажиллаж байгаа юм байна. Хуучнаар бол Баянхонгор аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургууль байх аа?

-Баянхонгор аймгийн төрийн соёрхолт эрдэмтэн Б.Доржпаламын нэрэмжит үндэсний лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн захирлаар 2013 оны тавдугаар сараас томилогдон ажиллаж байна. Урьд нь ажиллаж байсан хамт олонтойгоо ажиллах сайхан шүү. Энэ хугацаанд боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, дэвшүүлсэн сургалтын орчны шинэчлэл, сургалтын арга зүй, технологи, хэрэглэгдэхүүний шинэчлэл бага, дунд боловсролын үнэлгээний шинэчлэл зэрэг зорилтуудыг амжилттай хэрэгжүүллээ. Аймгийн хэмжээнд хорин есөн сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарт бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтуудыг Боловсролын газартай хамтран удаа дараа зохион байгуулж, боловсролын шинэчлэлийн бодлогыг ч үр дүнтэй хэрэгжүүлж байна. Сургуулийнхаа 15 жилийн хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсролын шинэчлэлийн бодлого, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого, 2014-2024 оны Төрөөс боловсролын талаар баримтлах бодлоготой уялдуулан боловсруулж, сургуулийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж байна. Бага, дунд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлаа Монгол-Кембрижийн боловсролын санаачлага, сургуулийн чанарын баталгаажуулалтын бодлоготой уялдуулан дараах чиглэлээр зохион байгуулж байгаа нь үр дүнд хүрлээ.

-Багш хүн сурагчдад, багшид дээд удирдлага нь үнэлэлт дүгнэлт өгдөг. Харин захирал хүнд хэн үнэлгээ өгөх вэ?

-(Инээв. сур) Сургуулиа чадварлаг удирдсан гэж аймгийн Засаг дарга, Боловсрол, соёлын газрын даргатай хийсэн 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлт 87.8 хувь, 2015 оны Засаг дарга, Боловсрол, соёлын газрын даргатай хийсэн үр дүнгийн гэрээний биелэлт 90 хувь буюу “А” үнэлгээтэй үнэлэгдэж, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Авьяас” дэд хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудын авьяасыг нээж хөгжүүлэх ажлыг аймаг, орон нутагтаа манлайлан боловсрол, соёлын байгууллагууд, эцэг эх, олон нийтийн хүч нөөцийг оновчтой зохион байгуулж өндөр амжилт гаргасан гэж “Хонгор нутгийн авьяаслаг багачууд-2016” их наадмын “Авьяасыг дэмжигч шилдэг захирал”-аар шалгаруулсан шүү. Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Соёрхол” шагналаар ч шагнагдсан. Одоо ч шагнал үнэндээ олширч. Тэртээ хориод жилийн өмнө 1993 онд “Багшийн алдар” одонгоор энгэрээ цоолуулж байсан минь их дурсамжтай сайхан санагддаг.

-Таны гарын олон шавь мундаг аж төрж яваа биз?

-Баацагааны сургуулийн, Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийн сургуулийн, Б.Доржпаламын нэрэмжит “Номун далай” цогцолбор сургуулийн гээд олон сайхан шавь нар маань нэр төртэй сайн сайхан амьдарч, улс эх орондоо ихийг л бүтээж явна. Багш хүний нэг зовлон нь аль нэг шавиа нэрлэж жишээ авах гэдэг их хэцүү зүйл байдаг юм шүү. Удирдсан гүнзгийн ангиудаас маань ч олон шилдэг сэхээтэн төрсөн дөө.

-Та гэр бүлээ танилцуулаач!

-Гэргий маань Гончигдоржийн Ганцэцэг гээд дуу, хөгжмийн багш мэргэжилтэй хүн бий. Манайх ам бүл тавуул. Хань маань “Номун далай” цогцолбор сургуульд багшилдаг юм.


Categories
мэдээ цаг-үе

Ойдовын Содномпил: Утга зохиолд нэг номерын уран бүтээлч гэж ерөөсөө байхгүй

Монголын зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд” шагналт зохиолч, яруу найрагч, СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн багш Ойдовын Содномпилтэй уулзаж хөөрөлдлөө. “Ондоо шүлгүүд”-тэй эл эрхмийг Монголын утга зохиолын ертөнцийнхөн оюуны бядтай нэгэн гэдгээр нь сайтар мэдэхээс дотоод сэтгэлийг нь тэр бүр өнгийж байсан нь цөөхөн.

-Таныг Монголын утга зохиолын наяад оныхон их хүндэтгэдэг. Яруу найрагч О.Дашбалбар, Сүхбаатарын Батмөнх нарын авьяастай, өндөр боловсролтой хүмүүсийн хандлага ийм байсныг сайн санах юм. Та үеийнхнийхээ талаар яриач!

-Яруу найрагч Данзангийн Нямаа саяхан нэг сонинд “Наяад оныхон бол Монголын яруу найргийн алтан судал” гэж их гоё үг хэлсэн байна лээ. Энэ бол гайхалтай онож хэлсэн үг. Зүгээр нэг магтаалын үг биш. Монголын утга зохиолын хөгжилд наяад оныхон өөрсдийнхөө дуу хоолойг өргөсөн хүмүүс. Яруу найрагчид нь гэхэд цөм өөр өөрсдийн дуу хоолойтой уран бүтээлчид. Очирбатын Дашбалбар, Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Чимэдравдангийн Мягмарсүрэн, Дамбын Төрбат, Дан.Нямаа, Д.Чинзориг, Ламжавын Мягмарсүрэн нарын маш олон төлөөлөл байна. Эдний шүлгийг харьцуулаад үзэхэд бүгд өөр өөрийн өнгө аястай. Энэ бол утга зохиолд хамгийн чухал зүйлийн нэг. Хүүрнэл үгийн зохиолч ч бай, яруу найрагч ч бай нэг номерын уран бүтээлч гэж утга зохиолд ерөөсөө байхгүй. Манай үеэс Д.Сумъяа, Ц.Түмэнбаяр, Бя.Энхтуяа, Д.Булган нарын мундаг уран бүтээлч бүсгүйчүүл төрсөн.

-Уралдаан тэмцээнүүдээр уран бүтээлчдийг гурил, мах дугаарлаж байгаа юм шиг л тэмдэг шошго хадаад байх юм байна шүү дээ?

-Тийм зэрэглэл ерөөсөө байхгүй. Манайхан чинь морь уралдуулж байгаа шигээ л нэг, хоёр, гурав, айргийн тав гэх юм. Утга зохиолд ер тийм юм байхгүй. Яруу найрагч л бол яруу найрагч. Тэр өөрийн дуу хоолойтой, өөрийн ертөнцийг үзэх үзэлтэй хүн. Би сайн зохиолч, муу зохиолч гэж ялгадаггүй. Бүгд л өөрийн гэсэн оршин тогтнолтой гариг ертөнцүүд. Жараад оныхон, далаад оныхон, наяад оныхон, ерээд оныхон, шинэ мянганыхан бүгд өөрийн дуу хоолойтой, өөрийн эгшигтэй. Гэхдээ утга зохиолд онцгойрон үзэгдэл болж гарч ирсэн уран бүтээлчид байна аа, байна. Зохиолч, яруу найрагчийг сайн муу гэх маш хэцүү.

-Жил бүр болдог “Болор цом” яруу найргийн наадам яруу найрагчдыг зэрэглэж дугаарлаад байх шиг санагддаг даа?

-“Болор цом” чинь яг угтаа бол яруу найргийн баяр юм шүү. Ийм уншлага байх ёстой зүйл. Энэ наадамд би нэг ч удаа оролцож үзээгүй. Голж шилсэндээ ч ороогүй юм биш. Анхнаасаа л оролцоогүй юм. Тэр чигээрээ л оролцоогүй явсаар өдий хүрлээ. Яруу найраг чинь дотроо сонсох, унших яруу найраг гэж байна. Сонсогчдын чихийг яруу найргаар мялааж байгаа үзэгдэл бол “Болор цом”. Дотроо яахав байр эзлүүлдэг л дээ. Гэхдээ л уншигч олныхоо сонорыг мялаана гэдэг нэг ёсны баяр. Уншлагын яруу найраг шүү дээ.

-Таны номын санг харахад англи, орос хэлнээ гарсан дэлхийн сонгодгуудын бүтээл их юм. Монголын утга зохиол дэлхийн уран зохиолын их ай савд хаахна яваа бол?

-Би Монголын яруу найргийг дэлхийн төвшнөөс огт хоцроогүй гэж боддог. Яруу найраг утга зохиолын бусад төрлөөсөө хамгийн дээгүүрт байгаа. Манай яруу найраг 1960-аад оноос өөр төвшинд хүрч ирсэн юм билээ. Горькийн нэрэмжит Утга зохиолын их сургуульд манайхан явж дэлхийн яруу найраг ийм хэмжээнд байдаг гэдгийг мэдэж ирснээр яруу найргийг тэс өөр болгосон. Бэгзийн Явуухулан гуайн анхны номууд, Горький төгсөж ирснээс хойш гаргасан номууд тэс ондоо. Горькийд явж ирсэн хүмүүс манай утга зохиолын өнгө аясыг өөрчилсөн байдаг. Явуу Японы хайкуг оросоос орчуулж “Цог” сэтгүүлд тавьсан. Дэндэвийн Пүрэвдоржийн яруу найраг хэчнээн монгол цэцтэй ч тэнд сурч ирээд өөрчлөгдсөн. Хүмүүс нэг их тоодоггүй болохоос Д.Пүрэвдорж гуайн Энэтхэгт бичсэн шүлгүүд мундаг шүү дээ. “Цагаан хэрээ” энэ тэр гээд. Нөгөө том найраглалуудад нь автаад хүмүүс тэр шүлгүүдийг нэг их анзаардаггүй юм. Наяад онд О.Дашбалбар хойноос ирээд яаж өөрчилж, утга зохиолыг ямархан хэмжээнд сурталчилж байлаа. Гүн Аюурзана ирээд яав. Аюурын хэдэн хар ном чинь манай нэгэн үеийн залуусыг соён гэгээрүүлж хүмүүжүүлсэн шүү. Үүнийг шударга хэлэх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх ёстой. Дэлхийн тэр хэмжээний юмыг мэдэж байж өөрсдөө сайжирна шүү дээ.

-Та Горькийн сургууль төгсөгчдийн соён гэгээрүүллийн ач холбогдлыг ярилаа. Мэдээж усанд чулуу шидэхэд түсрэг долгис нь хүрээ тойрог болохтой адил үзэгдэл юм даа. Та дэлхийн утга зохиолтой яаж танилцав?

-Ах нь яг үнэндээ Орост хоёр жил л ногоотой шөл идсэн хүн. Миний мэргэжил бол автын инженер, эдийн засагч хүн. Их сургуулиа Монголдоо төгссөн. Бидний үеийн эрэгтэй хүүхдийн хамгийн их сонирхдог мэргэжил бол авто байсан юм шүү. Утга зохиолын хувьд бие дааж л сонирхсон. Би дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичсэн. Ховдын арван жилийн сургуулийн тавдугаар ангид сурч байхдаа утга зохиолын дугуйланд очлоо. Хичээл дээр Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”, Д.Сэнгээгийн “Аюуш” туужийг уншуулаад зохион бичлэг хийлгэхэд толгой холбоод шүлэглэчихдэг байсан. Тэр их дасгал болсон.

-Тангадын Галсан багш оюутан байхдаа бүх хичээлээ шүлэглээд тэмдэглэчихдэг байсан юм гэсэн. Та хоёр л ойролцоо “гажигтай” нөхөд байж дээ?

-(Учиргүй инээв.сур) Ховдод таван зуун машины ч бил үү авто засвар ашиглалтанд ороход хөдөлмөрийн багш минь дагуулж явахгүй юу. Явсан сэтгэгдлээ бич гэхэд би бас л шүлэглээд авч өгсөн. “Гологдсон хүүхэн”-ий На түшмэлийг гэхэд “Нахиу хамартай…” энэ тэр гэж дүрслээд л бичнэ дээ.

-Таныг багаасаа номтой нөхөрлөхөд аав ээжийн тань нөлөө их байв уу?

-Манай аав банкны мэргэжилтэй нягтлан бодогч хүн. Би чинь ээжээсээ их багадаа өнчирсөн. Ээж маань гучин долооныхоо жил төрөхөөс болж нас барахад аав минь дөрвөн хүүхэдтэй үлдсэн. Том нь гэхэд би арван настай. Аав Ховдын Эрдэнэбүрэний өөлд хүн. Дөрвийн дөрвөн нялх хүүхэдтэй хоцруут нутгийн ахан дүүс аавыг нутагтаа аваачсан. Шуудангийн машинд гэр бараагаа явуулаад, бид хотоос онгоцоор нүүж очиж байлаа. Эрдэнэбүрэнд очоод сургуульд явах гэсэн чинь нэг хар пальтотой. Тэр жараад онд тэндхийнхэн багш, сурагчгүй дээлээ өмсдөг, монгол гуталтай, тэмээ мориор холоос сургуульдаа явдаг байсан. Хотын хүүхдэд ямар юмных нь гутал дээл байдаг юм. Нэг муу ботинктой л очиж байгаа юм. Ботинктой явахын арга байхгүй. Монгол гутал өгсөн ч би өмсдөггүй. Хотын хүүхэд болохоор ичиж байгаа л ухаантай юм байлгүй. Манай Няндав ах гэж сумын нярав хүн байсан. Тэр аймгийн төв явж нарийн эсгий хар гутал авчирч өгч, дээл хийлгэж өгсөн. Би гэж ширээнээс өндөргүй хариугүй жаахан юм. Өглөө хичээлд явахад бэргэн “Гараа өргө” гэж байгаад дээл хөөргөн бүсэлж өгнө. Дээлээ ч бүсэлж чадахгүй амьтныг чинь тэгэхээс яах билээ.

-Ай бас бэрх л байсан байна шүү?

-Эрдэнэбүрэнд дөрвөө төгсөөд аймгийн төв рүү шилжихэд манайх бас орж ирсэн. Аав агент хийсэн. Намайг номтой нөхөрлөхөд аавын агентын ажил их тус болсон. Тэр үед чинь Улсын хэвлэлээс гарсан бүх л номыг агентад хуваарилаад өгчихдөг байсан. Марксизм, ленинизмын, шүлгийн гээд янз бүрийн ном байна. Шинжлэх ухааны академиас гаргадаг “Аман зохиол”, “Хэл зохиол” гэдэг номууд их үнэтэй. Арван нэг, хорин нэгэн төгрөгийн үнэтэй тэр номуудыг хэн ч авахгүй шүү дээ. Тооллогод бүртгүүлчихээд байж байна. Тэрийг чинь эхний дугаараас нь авахуулаад уншсан. Ринчен гуайн юмнууд байна. Жишээ нь, хэлзүй гэхэд юмны нэршил учир хамт бичнэ гээд байж байна. Хэлшинжлэл, сэтгэл судлал гэсэн нэршлүүдийг латинаар хамт бичдэг гээд бүүр тодорхой тайлбарлачихсан байгаа юм. Хүүхэд болохоор дууриагаад яг тэгж бичнэ. Багш “Буруу” гэхээр “Хэл зохиол”, “Аман зохиол” номуудаа эш татаж байгаад маргана шүү дээ. Гэтэл тэр чинь сургалтынх биш эрдэм шинжилгээний материал байхгүй юу. Багшийг заримдаа улайлгана даа. Хэлэх үггүй болгоно.

-Дунд сургуулийн багш чинь аягүйтвэл тэр бүхнийг олж хараагүй л байгаа шүү дээ?

-Хараагүй байлгүй яахав, сурах бичгийнхээ хэмжээнд л бидэнд хичээл зааж байгаа хүн шүү дээ. Өгүүлэх гэхийг ү-гээр бичнэ. Үг гэдэг үгээс гаралтай гээд багшийгаа ч улайлгаж өгнө. Ер нь аль ч улсад угаасаа буруу бичдэг үгүүд байдаг. Ингэж буруу бичигддэг үгийн толиуд хүртэл байдаг юм ш дээ. Тэр эрдэм шинжилгээний товхимлууд одоо ч надад байдаг. Миний ном цуглуулах явдал агент аавын зарагддаггүй номуудаас эхтэй юм даа.

-Одоо хүртэл санаанаас чинь гарахгүй ямар ном байна?

-С.Дашдооров гуайн “Говийн өндөр” шүү. Монгол ахуй яг байдаг юм. Одоо нэг их ярихгүй юм аа. Ний нуугүй хэлэхэд монгол ахуй, монгол заншил сайн мэдрэгдэнэ дээ. Би их уншдаг хүүхэд байсан. Хөдөө гэрэл гэгээ ч хомс байж. Аймгийн төвд ирснээс хойш тохой шиг урт гар чийдэн асааж аваад хөнжлөөрөө толгойгоо бүтээчихээд уншина шүү дээ. Гэрийн чийдэнд унших гэхээр аав “Унтуулсангүй. Унт чи” гээд монгол гутлаа шиддэг сэн. Одоо бол хүнийг битгий унш гэх байтугай унш гэсэн ч уншихгүй болчихсон цаг байна шүү дээ. Нацагдоржийн тэмдэгтэн шалгаруулна гээд хэдэн зуун ном уншуулдаг сан. Сайхан ч цаг байж дээ. Жараад оны үед гадаадын сонгодог зохиолчдын номыг ид орчуулж байсан үе. “Цагаан бээлий”, “Монте Кристо гүн”, “Улаанынхан ба харынхан”, “Арван таван настай капитан” гээд ер нь сайн орчуулсан юм билээ шүү.

-Одооны хүүхдүүдийг ном уншдаггүй гэх нь нэг талдаа өрөөсгөл ч юм шиг. Цахим орчин, зурагтын олон сувгууд унших хэрэгцээг нөхөхөөс гадна төр засгаас уран зохиолын хичээлийн цагийг хүртэл сургалтын хөтөлбөрөөс хассан ч нөлөөлөөд байгаа юм биш үү?

-Хүнийг нэг “Өрөнд орсон амьтан шиг” гэж хэлж байдаг даа. Наадахь чинь надад огт хамаагүй юм шиг боловч миний хамгийн их санаа зовж явдаг зүйл. Гадна дотнын янз бүрийн санаа оноог манайхан их авах юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин чинь Оросын уран зохиолын хичээлийн цагийг нэмлээ ш дээ. Нэмлээ. Шинжлэх ухааны академийн том эрдэмтдийн баг томилж байгаад Оросын түүх, Оросын уран зохиолынхоо сурах бичгүүдийг шинэчилж, хичээлийн цагийг нь өргөтгөлөө.

-Өмнөд монголд бас Монголын аман зохиол, уран зохиолын хичээлийг багаас нь их үзэж байгаад ахлах ангиас нь Хятадын болон дэлхийн сонгодог уран зохиолын хичээлийг заадаг гэж байсан?

-Тэгнэ. Тэгж л таараа. Ер нь хүнийг эх хэл, утга зохиолоор л хүмүүжүүлнэ. Манайд бол тийм юм хэрэгтэй гээд хичээлүүд нэмээд байх юм. Хүний хөгжил, экологи гэж хичээлүүд байна. Энэ бүхнийг чинь тусгай хичээлээр танин мэдүүлдэггүй байхгүй юу. Хүний хөгжил, экологийг утга зохиолоор таниулж болно шүү дээ. Хүмүүжлийн ажил чинь утга зохиол дотор байж байгаа. Арваннэгдүгээр ангийн монгол хэл, уран зохиолын номыг үзлээ. Худалч хүнд хэтрүүлж хэлэхэд арван хоёр мөнгөний дэвтэр шиг нимгэхээн юм. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Хэлэх үг ч олдохгүй юм. Улс орныг үгүй хийе гэвэл хэл, утга зохиол хоёрыг нь л үгүй хийнэ. Хил чинь тусгаар тогтнолд огт хамаагүй зүйл. Хэл, соёлоо алдахад л тухайн үндэстэн мөхнө.

-Энэ бүхэнд та их шаналж байна даа?

-Үнэн шаналж байна. Үнэн шаналж байгаа учраас би “Утга зохиолын судлал шинжлэл” цувралыг эрхлэн гаргаж байна. Үүнийг чинь төр засгийн бодлогоор гаргах ёстой болохоос зүгээр нэг тэтгэвэрт гарсан над мэтийн амьтны хийдэг ажил мөн үү.

-“Утга зохиолын судлал шинжлэл”-ийн цувралаар чинь хэдэн ном гарчихав?

-Утга зохиолыг хөгжүүлье, хүмүүст хүргэе гэвэл судлал шинжлэл их чухал үүрэгтэй. Сайн судлаач, шинжээч байснаар утга зохиол зөв, буруугаа олно. Эрч хүчийг авна. Манайд өмнө нь утга зохиол шүүмжлэл гэж ярьдаг байсан. Энэ нь цаагуураа их буруу ойлголт. Утга зохиолыг шүүмжлэхгүй, сайн мууг нь шинжилнэ шүү дээ. Угаасаа “критик” гэдэг үг чинь “критер” гэдэг утгаас гаралтай. Критер гэдэг чинь аливаа юмны шалгуур байх нь байна шүү дээ. Тэр шалгуурт тэнцэж байна уу, үгүй юу, дээр нь илүү, дутууг ярихаас биш зүгээр шүүмжлээд байхгүй ш дээ. Зохиолчид ч үүнд таагүй ханддаг. Шүүмжлэл гэхээр муулсан л юм ойлгогддог. Зохиолыг шинжилж байгаа болохоос шүүмжилж байгаа биш учраас би утга зохиол судлал шинжлэл гэсэн нэршлийг оруулж ирж байгаа юм. Одоо манайхан шүүмжлэл гэдгээ болих хэрэгтэй. Морь шинжих гэж байдаг байх аа. Тэрэн шиг утга зохиол шинжлэл байхгүй юу. Энэ судлал шинжлэлийн цувралаар Набаковын АНУ-ын их сургууль, коллежид уншиж байсан лекцийн найман ботийг гаргалаа. Монголынхоо театр шинжлэл, орчин үеийн бичлэг шинжлэлийн номууд, Михаил Бахтины “Зохиогчийн үхэл”, Артур Шопенгуаэр, Ролан Барт нарын бүтээлүүдийг эмхэтгэн гаргалаа. Одоо таван цуврал гаргана. Соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Го.Аким гуайн орчуулгын судлал шинжлэлийн, Германы романтизмын тухай орчуулгын ном, доктор С.Хөвсгөлийн жүжгийн төрөл зүйлийн тухай, киноны тухай гэсэн номууд гаргахаар төлөвлөөд байна.

-Боролдой хэмээх Мягмар гуайтай ярилцаж байхад таныг өөрийнхөө тавьсан орчин үеийн жүжгүүдийн хамгийн мундаг үзэгч гэж байсан шүү…

-Найруулагч Мягмар чинь утга зохиолынг маш өндөр төвшинд ойлгодог хүн шүү. “Үндэсний шуудан” сонинд Сартрыг бил үү, Камюг бичсэн чинь над руу утасдаж танилцаж байсан юм. Тэдний “Black box” театр чинь их мундаг жүжгүүд тавьдаг юм шүү.

-Ингэхэд та яруу найргийн олон ном гаргав уу?

-Би чинь ердөө хоёрхон номтой хүн. Анхных нь “Толгод”. 1985 онд хэвлэлд шилжээд ардчиллын өмнөхөн хэвлэгдсэн. Би үеийнхнээсээ ном гаргах тал дээр жаахан хоцорч явдаг хүн билээ. Хэнэггүй ч гэмээр юм уу, хаашаа ч янзын хүн юм бэ дээ. Удаах нь “Ондоо шүлгүүд” юм даа.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Цэцгээ: Ойр дотныхноо хайрлаж, утга учиртай амьдрахад он жилүүд хоосон өнгөрөхгүй

Ж.Цэцгээ охин Б.Мишээлийн хамт

Жамсранжавын Цэцгээ гэж гялав шалав хөдөлгөөнтэй, эрвэлзсэн алаг нүдтэй эгч “Өдрийн сонин”-ы сурталчилгааны ажилтнаар хориод жил ажилласан юм. Элэгсэг дотно сэтгэлтэй тэрээр алба ажилдаа зүтгэлтэй гэж жигтэйхэн байдаг сан. Цэцгээ эгч эдүгээ гэр бүлийн хүний хамт “Эртний монгол хатад” компанийг үүсгэн байгуулж захирлаар нь ажиллаж байна. Түүнтэй уулзах болсон хамгийн гол шалтгаан юу гэвэл гурван сайхан охиноо хүний зэрэгт хүргэж, нэртэй гоо бүсгүй, жүжигчин болгож өсгөсөн эхийн хайр халамжийн тухай юм.


-Үртэй хүн жаргалтай гэдэг. Зээрийн янзага шиг зэгзийсэн гурван охиныхоо тухай ээж та юу ярих сан бол?

-Миний хань Буянжаргал гэж хүн бий. Ханьтайгаа амьдрал зохиогоод 35 жил болж дээ. Анх үерхэхдээ Буяа маань аравдугаар анги, би есдүгээр ангид сурч байсан даа. Алдар нэр, албан тушаалын төлөө явалгүй надад сайхан гурван охин хайрласан ханьдаа би их баярладаг. Манайх гурван охинтой. Ууган охин Б.Дөлгөөн маань хоёр хүүхэдтэй, айлын сайхан эзэгтэй болсон. Миний охин 2007 онд Монголын мисс тэмцээнд оролцож зэс эрдэнийн өргөмжлөл авч байсан. Одоо хүү, охин хоёроо хараад гэр зуур байгаа ч өмнө нь “М Си Эс” холдинг компанид хүний нөөцийн захиргааны ажил эрхэлж байлаа. Охин маань тухайн үед найз нөхдийнхөө ятгалгаар миссийн тэмцээнд орсон болохоос яг зориулж хичээллэж бариагүй хүүхэд л дээ. Багаасаа орос, англи хэлтэй, боломжийн боловсролтой шүү, миний охин.

-Мишээл охин чинь сүүлийн үед нэлээд нэрд гарч яваа жүжигчин байх аа?

-Манай хоёр дахь охин л доо. Мишээлийг ч бид урлаг соёлоор явуулна гэж бодож байгаагүй. Орос 14 дүгээр сургуульд сурч байлаа. “Орчлон” сургуульд сурч байхаас л урлагт сэтгэл зүрхээ өгч СУИС-д элсэн орж 2016 онд жүжигчний ангийг ардын жүжигчин Лхамхүү багшийн удирдлага дор төгссөн дөө. Би ер нь хүүхдүүдээ хэлтэй устай, боловсролтой болгох юмсан л гэхээс цагаа хий дэмий үрсэн хүн болоосой гэж боддоггүй. Аав ээжийнхээ дэргэд байхдаа эрх чөлөөтэй, эрх жаргалтай өсөж өндийгөөд биеэ даагаад явахдаа айлын сайхан эзэгтэй байгаасай гэж хүүхдүүдээсээ хүсдэг. Багын л гэртээ буйдангаа тайз болгоод жүжиглэх дуртай хүүхэд байсан. Сүүлд “Орчлон”-д сурч байхдаа урлагийн үзлэгт орж авьяасаа нээн хөгжүүлж жүжигчин болохоор шийдсэн юм. СУИС-ийг улаан дипломтой төгссөн. Мишээл багаасаа дуучид, жүжигчдийг их дууриана.

-“Яг түүн шиг” шоуг л гэртээ давтдаг байж дээ?

-Гавьяат жүжигчин Т.Ариунаа дуучныг дууриаж дуулна. Ээж, эгчийнхээ хувцсыг хольж сольж өмсөөд их жүжиглэнэ. Зурагтаар гарч байгаа сурталчилгаануудыг их элэглэнэ. Бүүр жаахан байхад нь аав, бид хоёр нь ажил ихтэй учир гэрт нь нэг гарт нь утас, нөгөөд нь удирдлага бариулаад түр орхиод гараад ирэх хооронд хөөрхөн өөрийгөө саатуулаад байж байна даа.

-Охин чинь ямар ямар кинонд тоглолоо?

-Тоглосон кино нь бараг хорь гарсан байх. Мишээл маань аравдугаар ангиа төгсөх жилдээ реппэр Цэцээгийн дууны клипэнд анх тоглосон юм. Оюутан байхаасаа олон кинонд тоглож эхэлсэн дээ. “Голланд сарнай”, “Код”, “Давхар цохилт”, “Дэлхийд дурласан сар”, “Саарал хүн”, “Надаар тоглосон хайр”, “Учрал”, “Рекэт” зэрэг кинонуудад дүр бүтээсэн. “Никитон” хамтлагийн “Үүлэн үст” клипэнд тоглолоо.

-Дөлгөөн, Мишээл хоёрын дүү отгон охин хэн билээ?

-Отгон охин Үжингээ би их орой төрүүлсэн юм. Дөчин настайдаа төрүүлсэн охин маань ууган эгчээсээ арван тав, удаах эгчээсээ арав дүү хүүхэд л дээ. Одоо “Шинэ Монгол” сургуулийн наймдугаар ангид сурч байна. Саяхан Япон улс руу сурагч солилцоогоор яваад ирсэн. Сурлага, урлагтаа сайн, тал бүрийн авьяастай, жүжиглэж, дуулж, сургуулийн бүх юманд л гүйж байх шиг байна. (инээв.сур)

-Жүжигчин Мишээл төрлөө гэж сонсогдсон. Танайх хэдэн зээтэй болж байна?

-Гурван зээтэй болсон. Зээ нартаа амь тавинаа. Бага зээ маань энэ намар төрсөн.

-Бүсгүй хүн сайхан төрөх олны мэлмийн баясгалан, орчлонгийн чимэг гэлээ ч сайхан төрөхийн зовлон их гэдэг. Та охидынхоо төлөө санаа их зовох юм уу?

-Охид бүсгүйчүүд орчлонгийн чимэг болохоор сайхан төрнө гэдэг цаанаасаа бурхны хишиг гэж би боддог. Аливаа хүн гадаад өнгө үзэсгэлэнгээс гадна уяхан зөөлөн ааль, энэрэнгүй нинжин сэтгэл, өрөвч ялдам зан зэрэг дотоод гоо сайхныг эцэг эхээсээ өвлөж төрдөг. Орчлонд юм бүхэн утга учиртай. Утга учраа дагаад хүний амьдрал хувь тавилан сайн сайхнаар үргэлжилдэг гэдэгт би итгэдэг. Сайхан төрөхийн зовлон гэдэг ч юм уу, олны элдэв хэл аманд тэгтлээ их эмзэглэхгүй ээ. Хүн өөрөө л зөв явахад бүх зүйл сайхан болно. Хүн сайхан төрсөн байхын хажуугаар хүний сайн хань, сайн ээж, сайн эмээ байх юм бол өөрийнх нь заяа төөрөг, хувь тавилан түшээд явчихна. Удам дамжаад ирчихсэн сайн сайхныг өвлөөд явчихсан хүн улам л сайхан заяатай байна.

-Сайхан удам дамжих гэж та ярилаа. Удам сайт уудам орчлонгийн дээд байх. Таны аав, ээж ямар хүмүүс байна?

-Аав маань ная гарсан, ээж минь далан хэдтэй хоёр сайхан буурал эсэн мэнд аж төрж байна. Аав Жамьяндорж, ээж Бадамханд хоёр ханилаад жаран жил болохдоо таван хүүхэд төрүүлж өсгөж. Би айлын ууган охин л доо. Манай аав бол Оросын “СОТ-2”-т насаараа ажилласан алтан гартай токарьчин хүн л дээ. Ээж маань Гутлын үйлдвэрт насаараа ажилласан, төлөвлөгөө нормоо зуун хувь биелүүлдэг, хөдөлмөрийн баатар болохын даваан дээр тэтгэвэртээ гарсан их хөдөлмөрч хүн. Үнэнийг ярихаар өөрсдийгөө магтсан юм шиг болчих гээд байдаг тал бий. Манай аав, ээжийн удамд гэр бүл салсан хүн нэг ч байхгүй. Энэ бол манай удмынхны бахархал, хүн заяаны утга учир юм. Манай гурван бүсгүй, нэг эрэгтэй дүү ч энэ л жамаар замнаж явна. Хүний үртэй хань ижил болж, үр хүүхэдтэй болсон юм бол гэр бүлийнхээ л сайн сайхны төлөө тэмцэх учиртай. Тэрнээс хар залуугаасаа хүнтэй сууж хүүхэд гаргачихаад хань ижлээ “Тэр нь ч таалагдахгүй, энэ ч тохирохгүй байна” гээд байвал амьдрал утгагүй. Аав ээж хоёр минь гэр бүлийн үнэ цэнийг хүүхэд байхаас минь ойлгуулж чадсан нь гайхамшиг юм даа. Далай ламын “Хүмүүс амьдралаа он жилүүдэд зориулаад өнгөрдөг. Харин он жилийг амьдралд зарцуулаагүй байдаг нь харамсалтай” гэсэн үгийг би их боддог. Тиймээс хүний амьдралын он жилүүдээ амьдралд зориулах юмсан гэж гэр бүлдээ цаг зав их гаргана шүү.

-Он жилүүдийг амьдралд зориулна гэдэг ч энгийн мөртлөө мундаг философи байна шүү?

-Хүн залуу насаа дэмий өнгөрөөлгүй сурч мэдэхийн төлөө тэмүүлж, дэргэдээ байгаа ойр дотныхноо халуун сэтгэлээр хайрлаж, үртэй ханьтай жаргаж явахад л он жилүүд хоосон өнгөрөн одохгүй. Залуус маань үүнийг сайтар бодож л явах ёстой.

-Гэр бүлээрээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг байв?

-Манайх зусланд байшинтай. Зуны улирлын сайханд зусландаа гарна. Чөлөөт цагаараа хөдөө гадаа их явна. Боломжтой үедээ Хонгконг, Бээжин рүү аялж явсан минь дурсамжтай сайхан санагддаг.

-Дэлхийн брэндүүд Монголд орж ирээд нутагшчихлаа. Энэ хэрээр өнөө үеийнхний хувцаслалт, стиль, имиж их өөрчлөгдөж байгаа нь танд аль хэр анзаарагдаж байна?

-Нийгмээ дагаад өнөөгийн охид залуусын стиль, имиж бүх л зүйл өөрчлөгдөж байгаа л даа. Гэхдээ залуучууд маань залуу наснаасаа өмсөж зүүх, эдэлж хэрэглэхэд тэгтлээ их ач холбогдол өгөх хэрэггүй. Хэрэглээг хэтрүүлэн өөгшүүлж буй эцэг эхчүүд ч буруутай. Охид бол хүний сайн хань яаж байх вэ гэдгээ л бодох учиртай. Залуу насыг хамгийн гол нь сурч мэдэхэд л зориулах хэрэгтэй. Үнэтэй брэнд хэрэглэлээ гээд хүний оюун ухаан хөгжихгүй.

Жүжигчин Б.Мишээл

-Хүүхэд насны, залуу цагийн, бас одоогийн шинэ жилийн баяруудын тухай дурсамжаасаа хуваалцаач!

-Би хүүхэд байхаасаа л Нийслэлийн 15 дугаар сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дарга, хотын пионерын штабын гишүүн, Ажилчны районы пионерын штабын дарга гээд нийгмийн их идэвхтэй сурагч байлаа. Шүлэг зохиож, уншдаг, сурагчдын сүлд модны наадмыг хөтөлнө. Онц сураад сургуулиасаа шалгарч, нийслэлийн сүлд модны ёолконд урилгаар оролцоно. Онц сурдаг сурагчдын ёолк ДСНК-д болно. Тэр ёолкнуудаас гоё бэлэг олныг авч байсан минь их дурсамжтай санагдаж байна. Гэр бүлтэй болсноос хойш охиддоо ямар бэлэг авах вэ, ямар мод засах вэ гэж их догдолдог сон. Хүүхдүүдээ яаж баярлуулчих вэ гэж их боддог байсан. Одоо бол бүх зүйл бэлэн болсон.

-Хүүхэд насны тань шүлгүүдээс таны санаанд үлдсэн биз?

-“Пионерын үнэн” сониноос зарладаг зохион бичлэгийн уралдаанд би байнга орж байр эзэлдэг байлаа. 1979 онд “Бид хүүхдийн жилд” гэсэн уралдаанд амжилттай оролцож, “Утга зохиол, урлаг” сониноос 1980 онд шүлгийн уралдаан зарлахад би “Лоозонг хэрэгжүүлье” гэсэн шүлгээрээ тэргүүн эзэлж, Ч.Лхамсүрэн, Д.Цэдэв, Ц.Гайтав, Ц.Цэдэнжав, Т.Очирхүү, Д.Пүрэвдорж, Д.Содномдорж, С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав, П.Бадарч нарын тухайн үеийн алдар хүндтэй олон зохиолчдын дунд ганцаараа хүндтэйгээр заларч авахуулсан зураг ч одоо надад байдаг. Эртэд ардын уран зохиолч П.Бадарч гуай “Монгол тулгатны 100 эрхэм”-д ороход тэр зураг хальт харагдаад л өнгөрч байна лээ. Тэр шүлэг гэхэд санаанд байна.

“Ачит намынхаа гэгээн сургаалаар

Ард олон маань замнадаг билээ

Ариун цагаан хөдөлмөрийн үрээр

Алдар суугаа мандуулдаг билээ” гээд бичиж байсан даа. Сурлага, урлагаар шалгарч олон улсын “Артек” зусланд 1980 онд амарч байлаа.

-Сурлага, урлагаар тэргүүний сурагч хаана мэргэжил эзэмшив?

-Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг дүүргэсэн. Одоогийн БСШУС-ын сайд Цогзолмаа бид чинь нэг үеийн оюутнууд даа.


Categories
мэдээ цаг-үе

Навагжавын Энхжаргал: Улсын заан Тулгаа бид хоёр улсын аваргын тэмцээнээс олон жил медаль хүртсэн

Говь-Алтай аймгийн насан туршийн боловсролын төвийн багш, ардын боловсролын тэргүүний ажилтан, үндэсний сурын харвааны спортын мастер, Монголын урчуудын эвлэлийн гишүүн зураач Навагжавын Энхжаргалтай уулзаж хөөрөлдлөө.

-Та аль сургуулийг ямар мэргэжил эзэмшиж төгссөн хүн билээ?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийг Дүрслэх урлаг, шугам зураг, технологийн багш гэсэн гурван ч мэргэжлээр дүүргэсэн. Тэр үед тэнд тийм боловсон хүчин хэрэгтэй гэсэн улсын хэмжээний боловсролын мундаг концепци байж дээ гэж би боддог юм. Биднийг урьдчилсан төгсөлт гэдгээр 1983 онд гуравдугаар курсээс төгсгөсөн. Хичээлийн хөтөлбөрөөр их шахна. Оюутнууд бид шөнийн хоёр гурван цаг хүртэл сууна. Ардын зураач, төрийн шагналт агуу зураач Одон багш бидэнд хичээл орж байлаа. Ардын зураач Гаваа бас бидэнд хичээл орно. ЗХУ-аас Виктор гэж мэргэжилтэн хичээл зааж байлаа. Нэг жил сургуульд багшлуулчихаад төгсгөж байсан. Тиймээс бид юм юмны зах зухтай хүмүүс болсон. Манай сургуульд дугуйлан хичээллэнэ. Тэнд би Монгол Улсын бар зургийн манлай С.Жамц багшийнхаа удирдлагад хулдаасан бар зураг зурдаг байсан. Дээд сургуульд технологийн, шугам зураг, барилгын шугам зураг гээд бүгдийг судалсан. Гончигдорж, Шагдарсүрэн, Мөнхбаяр гээд Монголын толгой багш нараар хичээл заалгасандаа одоо ч баярладаг.

-Та оюутан байхдаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж байсан гэл үү?

-Хичээлийнхээ завсраар хүндийг өргөлтийн спортоор Монгол Улсын анхны гавьяат дасгалжуулагч, Өвөрхангайн уугуул Жигмэддорж багшийн шавь болж штанг өргөж явлаа. Намайг Октябрийн баярын парадан дээр алхаж явахад анх хараад уулзсан юм. Дэлхийн хошой аварга Зэгвийн Ойдов тэр хоёр намайг нэлээд хурцалж чангалж өгсөн. Тэгээд хүнд-хөнгөн жингийн аварга шалгаруулах тэмцээнд орлоо. Би хойтон жил нь хүрэл медаль хүртсэн. Хүнд, хөнгөн жингийн аварга шалгаруулах гэдэг маань 48, 52, 86, 90 килограммын хамгийн доод, дээд жингийн чөлөөт бөхийг хөгжүүлэх тэмцээн юм билээ л дээ. Би уул нь улсын оюутны хоёрдугаар шигшээ буюу дархан аварга Жигжидийн Мөнхбатын дасгалжуулдаг клубт сарын 150 төгрөгийн цалинтай мэргэжлийн тамирчин байсан юм. Намайг багш нар минь Жаргай гэнэ. Мөнхбат аварга бидний жинг өглөө болгон үзнэ. Тэр бол маш том ухаан байж. Эрүүл зөв амьдарч байна уу гэдгийг мэдэхээс гадна ар гэрийн байдлыг ч түүгээрээ судалдаг байж. Жин хэтэрхий хасагдчихсан байвал “Миний хүү өчигдөр яагаад хоолоо идсэнгүй вэ” гэж асуугаад намайг шалгалт өгөх гээд зураг зураад хоол идэж амжаагүйг сонсоод МХЗЭ-ийн Төв хорооны гуанзанд оруулж хоол авч өгч байлаа. Хамгийн гол нь тамирчиндаа баталгаатай хоол өгч байгаа нь тэр л дээ. Тэр үед хоолны газар тийм ч олон байгаагүй. Хүний сэтгэл маш жижигхэн зүйл дээр ч анзаарагддагийн жишээ л дээ. Жигмэддорж багш минь Мөөеө аварга, З.Ойдов багш хоёртой уулзаад хүндийг өргөлт рүү уруу татсан юм.

-Хүндийн өргөлтөөр хэдэн жил “үзэв”?

-1984-1991 он хүртэл арван долоон жил улсын аваргад оролцож алтан медаль гурвыг, мөнгө, хүрэл медалийг бишгүйдээ хүртэж дээ. Хөдөө орон нутгаас улсын аваргад тасралтгүй оролцож медаль авсан хүн гэвэл Говь-Алтайн Энхжаргал, Монгол Улсын заан Тулгаа хоёр шүү дээ. Тулгаа ах үндэсний бөх, самбо, жүдо гээд бөхийн төрлийн спортуудаар их амжилт гаргасан. Олимпийн хорооноос бид хоёрт хүндэтгэл үзүүлж хүлээн авч л байлаа.

-Төгсөөд хаана хуваарилагдав?

-Дөнгөж төгсүүтээ Бигэр суманд хувааригдлаа. Агуу их яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн номоо хүртэл нэрлэж байсан Бурхан Буудай уул байдаг мөн ч сайхан нутаг шүү дээ. Аав, ээжийн маань нутаг Баян-Уул, Жаргалан, Шарга гурван сум чинь засаг захиргааны нэгжээрээ нэг сум байсан юм. Жаргалан сумын Эвлэлийн үүрийн дарга нь манай нагац ах Чуваадорж байлаа. Улсын газарзүйн олимпиадад хэд хэдэн удаа байр эзэлж байсан хүн байлаа. Миний хүргэн ах Базаррагчаа гэж аавын минь оронд аав болсон эмч ах эд нар л ярьж байгаад Бигэрт хуваарилуулахгүй юу. Дараа нь Жаргалан сумандаа багшиллаа. Эндээс олон ч шавь төрүүлсэн дээ. Манай Говь-Алтай аймгийн барилгын чиглэлийн шавь нар олон бий. Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Магнайсүрэн гэж шавь байна.

-Та одоо хаана багшилж байна?

-Аймгийнхаа насан туршийн боловсролын төвд багшаар ажиллаж байна. Нялх балчраас насан өндөр хүмүүст хүртэл сургалт явуулна. Багш хүний бахархал шавь нар нь байдаг. Би гучаад жил багшлахдаа олон шавь төрүүлжээ. Гэхдээ заримдаа хичнээн мундаг хүүхдүүдийг уран зурагт уруу татаж буруу замаар явуулсан байх вий гэсэн нэг айдас байдаг. Бас намайг зориод ирэх байсан хичнээн зураач болох хүүхдүүдийг таниагүй бол гэсэн битүүхэн шаналан байна.

-Та зураачийнхаа хувьд олон үзэсгэлэн гаргаж байв уу?

-Бие даасан үзэсгэлэнгээ аль эрт наяад онд нэг гаргаж байсан. Төгсөөд хоёр жилийн дараа 1988 онд юм даа. Гэхдээ би өөрөө яваагүй, миний хулдаасан бар зургийн бүтээл шалгаран явж байсан. Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал, ардын багш Цэрэндорж гэж мундаг хүн байлаа даа. Би тэр хүнтэй нэг өрөөнд хамт сууж үзээгүй ч мөн ч их зүйл сурсан даа. Цэрэндорж гуайн хөдөлмөрч, шаргуу үйл ажиллагаанаас нь суралцсан. Төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондог гэж миний найз агуу хүн байлаа. Хүүхдийн уран бүтээлийн буянгаар бид хоёр уулзаж учран нөхөрлөж явлаа. Жаргалан суманд багшилж байхдаа сурагчдын хулдаасан бар зургийн үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвд 1987 он, 1989 онд хоёр ч удаа гаргалаа. Ерэн дөрвөн онд Говь-Алтай аймгийн хүүхдийн урлагийн их наадам болоход бас нэг үзэсгэлэнгээ дэглэсэн. Сүүлд шавь нартайгаа хамтарсан нэг үзэсгэлэн гаргасан. Зохиолоос сэдэвлэсэн дан хулдаасан бар зургийн бүтээлүүд багтсан. Миний шавь Алзахгүйбаатар гэхэд их зохиолч Д.Нацагдоржийн “Од” шүлэгт хийсэн хулдаасан барын бүтээл одоо ч нүдэнд харагддаг юм. Цэрэндорж багш тэр зургийг харуутаа “Галерейдаа авлаа, батламж өгнө” гэж байлаа.

-Шавь нар тань гадаадаас медаль хүртэж байсан байлгүй?

-Манай шавь нарын үзэсгэлэнг харж явсан япон хүн шавь Рагчаагийн Лувсандорж гэдэг хүүхдийн бүтээлийг үзээд арлын оронд урьж байсан. Их гүрнүүдийн бодлого чинь авьяастай хүнийг сүрхий таньдаг юм билээ. Японы гар зургийн уралдаанаас бүтээл нь гранпри шагналыг авчирч байлаа. Хүүхдийн ордны захирал, гавьяат багш Ш.Цог над руу холбооны дууддаг утсаар ярьж баяр хүргэхэд хөл газар хүрэхгүй баярлаж явлаа. Жаргалан сумын сургуулийн захирал Загдрагчаадаа хэлтэл намайг хот руу томилолтоор явуулж шавийн минь шагналыг авахуулж байлаа. Захирал маань намайг орой болгон хоол идэхэд санагддаг том шагналаар шагнаж байлаа.

-За, юугаар шагнадаг билээ?

-Энэ захирал маань их хүнлэг хүн байсан юм. Намайг дөнгөж багшаар очиход сэрүүлэгтэй цаг, халуун сав хоёроор урамшуулж байсан. Нэгдүгээрт миний эрүүл мэндийг, хоёрт намайг цагийн зөв дэглэмтэй байгаасай л гэсэн үүднээс ийм зүйлээр шагнажээ дээ. Тэр шавийг гранпри авахад ёстой нэг бүдүүн иргээр мялаасан. Нас залуу, хүүхэд нялх, хаврын тарчиг цагт бүдүүн эр хонь чинь ёстой нэг өвлийн идэш шиг санагдана биз дээ.

-Та улсын олимпиадад аль хэр амжилт үзүүлж байв?

-Орж байсаан. Хоёр удаа хоёрдугаар байрт, нэг удаа гуравдугаар байрт орж байсан. Намайг гуравдугаар сургуульд захирлаар ажиллаж байхад Бадамсэрээжид гэдэг шавь маань алтан медаль авч байлаа.

-Шинийг санаачилсан олон бүтээл байдаг гэж сонссон юм байна?

-“Өнө-Мөнх” гэж хүүхдүүдийнхээ нэрээр нэрлэсэн нугалдаг тоглоомонд Оюуны өмчийн газраас патент олгож байсан. “Урлал дасгалын дэвтэр” маань улсад анхлан түүчээлж гарч байлаа. Надад “Урлал дасгалын дэвтэр” хориод бий шүү. Хүн хөдөө хөхөрч, гадаа гандана гэдэг худлаа л юм билээ. Би лааны гэрэлд суугаад сурах бичиг бичиж л байлаа.

-Таны хань бас технологийн багш гэв үү?

-Би ханьтайгаа гучин жил амьдарч байна. Миний ханийг Цэвэгсүрэнгийн Оюунчимэг гэдэг. “Хантайшир эрдэм” цогцолбор сургуульд технологийн багшаар ажиллаж байна. Улсын олимпиадад Говь-Алтай аймгаасаа шалгарч түрүүлж байсан ардын боловсролын тэргүүний ажилтан. Бид хоёр дөрвөн сайхан хүүхэдтэй, маш баян амьдарлаа. Ууган хүү Мөнхдөл маань хүндийг өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер хүн байна. Удаахь охин Мөнхзул маань архитекторч, барилгын зургийн “Өрх” компанид ажиллаж байна. Гуравдахь охин Өнө-Энэрэлт Америкт сэтгэлзүйч эмчээр ажиллаж байгаа. Отгон охин Монгол Улсын өсөх идэр мэргэн, байт сурын харвааны тамирчин хүн. Монгол Улсынхаа нэрийг олон улсын хэмжээнд гаргах болов уу гэж бодож явдаг даа. Одоо БНСУ-ын Бусан хотод Хиймэл дагуулын чиглэлээр магистрт суралцаж байна. Ханийнхаа сэтгэлийг би үгээр илэрхийлж чадахгүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Дэмбэрэлийн Өлзийбаатар: Төрийн шагнал авсныг маань манайхан зурагт үзэж мэдсэн байна лээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч бямба гаригт Төрийн шагнал хүртсэн түүхч Д.Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө.


-Энэ жилийн Төрийн шагналыг монгол түүхийнхээ жимээр зорчсон эрхэм хоёр хүмүүнд олгосон нь нүдээ олсон шагнал боллоо гэж шуугицгааж байна. Дэмбэрэлтэй сайхан өдөр өлзийтэй алтан одонг зүүлгэнэ гэж баатар их түүхээ судалж байв уу?

-Энэ их гэнэтийн шагнал байлаа. Би төрийн шагнал авна гэж бодож ч явсангүй. Мэдсэн ч үгүй. Монгол Улсын төрийн шагналыг энэ жил миний “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” гэсэн хоёр бүтээлд өглөө. Төрийн шагналыг бүтээлд олгодог юм байна. Дээрх хоёр сонсдог бүтээлийг 2013 оноос хийж, монголчууддаа хүргэсэн. Төрийн шагнал авсандаа баяртай байна. Монголчууд түүхээ хүндэлж дээдэлж байгаагийн нэг илрэл энэ байх.

-Төрийн шагналт түүхчид харьцангуй цөөхөн байдаг байх аа?

-Манай түүхчдээс Ш.Нацагдорж, Хөдөөгийн Пэрлээ, Оохнойн Батсайхан нарын олон биш хүн төрийн шагнал авсан байдаг. Дараа нь би авч байх шиг байна. Түүх, урлаг соёл, уран зохиолын бүтээлүүдэд олгодог гэдэг утгаараа их хүндтэй шагнал л даа.

-Санчирын хувьд шагнал авахаа мэдэлгүй очсон гэсэн. Та энгэр цоолохоо мэдэж байв уу?

-Хорьдугаар зууны түүхийг харуулсан баримтат кино хийхээр “Hero” студийн Баатар бид хамтарч ажиллаж байгаа юм. Энэ талаар л хуралдана гэж дуудсан. Хуралд сууна гээд өглөө гэрээсээ гараад санамсаргүй очсон. Очсон чинь л шагнал болоод явчихсан. Ерөнхийлөгч бидний бүтээлийг тааллаараа ойлгож явдаг юм байх л даа.

-Таны сонсдог ном бестселлэрийг олон сар тэргүүлсэн. Гурван жилийн өмнө нээлтэнд нь УИХ-ын дарга асан З.Энхболд очихдоо “Түүх бол сайн нь ч бидний багш, муу нь ч бас багш” гэсэн гэдэг. Түүх нэлээд сонирхдог хүн л ингэж хэлнэ дээ?

-Энхболд дарга чинь түүх их сонирхдог хүн. “Монголчууд” номоо гаргах гээд санхүүжилт хайж явахад тодорхой хүмүүстэй холбон “Энэ хүнд туслаач” гэж захиж байлаа. Г.Бадамсамбуу бид хоёр 1996 онд “Шинэ цагийн товчоон” гэдэг дөрвөн цуврал анги түүхэн баримтат кино хийсэн юм. Тэр кинонд Энхболд дарга дэмжлэг үзүүлж байсан. Хорин жилийн өмнөх түүх хожим тэгж давтагдсан. Миний гол зорилго залууст эх түүхээ л мэдүүлэх юмсан гэсэн бодол. Түүхээ л мэдэж байж хүн эх орноороо бахархана. Манай түүхчид түүхийн номуудыг их сайн бичсэн. Саяхан гэхэд манай МУИС-ийн Түүхийн тэнхимийн захирал, Дэлгэржаргал доктороор ахлуулсан ажлын хэсгийн гаргасан Монголын эртний түүхийн таван боть байна. Би харин ямар хэлбэрээр түүхээ хүн ардад хүргэх вэ л гэж бодон сонсдог номын төрлийг сонгосон хэрэг.

-Хурал болно гэж очоод төрийн хишиг хүртчихэж. Ар гэрийнхэн чинь яаж мэдэв?

-Мэдсэн хүн байхгүй. Эхнэр ажилдаа явчихсан байсан. Гэнэтийн юм болсон болохоор бүгдээрээ сандралдсан. Манай гэр бүлийнхэн бүгд зурагтын мэдээ үзэж мэдсэн гэж байсан. Төрийн ордон руу ороход гар утас хураагаад авчихдаг болохоор шагнал авснаас бүүр хойно л гарч ирэхдээ л ярьсан.

-Ах дүү, хамаатан садан чинь сонсоод яаж байх юм?

-Аав, ээж маань эрт бурхны оронд явсан. Би эцэг эхээс гурвуулаа. Ах маань нэлээд эрт өвчнөөр өнгөрчихсөн юм. Дүү Өлзийсайхан маань хувийн бизнес хийдэг хүн. Аавын өлгий нутаг Хөвсгөлийн Арбулагаас, ээжийн нутаг Өвөрхангайн Хайрхандулаанаас хүмүүс баяр хүргэж ярьж байна аа. Уг нь манайх чинь аль дөчөөд онд хотод шилжиж ирснээс хойш би төрсөн юм шүү дээ.



Харцага Бальдир овогт Дэмбэрэлийн Өлзийбаатар

Д.Өлзийбаатар 1960 онд Улаанбаатар хотноо төрсөн. 1968-1978 онд нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, 1978-1982 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийн түүхийн ангийг түүхч-түүхийн багш мэргэжлээр, 1980-1982 онд МУИС-ийн англи хэлний оройн ангийг тус тус төгссөн. 1982-1983 онд Баянхонгор аймгийн Жаргалант суманд түүхийн багш, 1983-1984 онд Улсын түүхийн төв архивт архивч, 1984-1988 онд НАХЯ-ны ЦДС-д түүх, нийгмийн ухааны багш, 1988-1990 онд НАХЯ-ны тусгай архивт судлаач, 1990-1991 онд Улаанбаатар хотын Цагдаагийн газарт төлөөлөгч, 1991-1993 онд Улсын түүхийн төв архивт мэргэжилтэн, дарга, 1993-1995 онд Цагаатгах ажил эрхлэх улсын комиссын дэргэдэх Хэлмэгдэгсдийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995-2000 онд “М-Арбат” компанийн захирал, 2000-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга, 2013-2014 онд Архивын ерөнхий газрын дэд дарга бөгөөд Үндэсний төв архивын захирал, 2014-2017 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажилласан байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлд “Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтэд гадаад хүчин зүйлсийн нөлөө” сэдвээр түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрээр “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ШУА-ийн дээд шагнал Хубилай хааны шагнал болон салбарын шагналуудаар шагнагдаж байсан. Хууль зүйн салбарын тэргүүний ажилтан, онц хилчин. “Монголчууд” сонсдог ном бүтээлээрээ олон түмний санал асуулгын дүнгээр шагнагддаг Жак Вотерфордын сангийн 2014 оны онцлох бүтээлийн шагнал хүртсэн. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эцэг Дэмбэрэл Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат, МҮЭ-ийн байгууллагад алба хашиж байсан. Эх Ичинхорлоо Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат, нэгдсэн III эмнэлэг зэрэг байгууллагад эмчээр ажиллаж байжээ.


-Төрийн шагналаа яаж мялаах гэж байна. Уран бүтээлч хүмүүс цол дагаж бяр гэдэг шиг даацтайхан бүтээлээ ард түмэндээ толилуулах гэдэг. Таны хувьд…

-Хүн чинь төрийн дээд шагнал авчихаар одоо юу хийх билээ гэж боддог юм байна. Хэдэн түүхчидтэйгээ, Гандангийн залуу гавьж Гантөмөр, Амгалан, Бямбажав нартай хамтарч “Монголын төр, шашны түүх” гэдэг томоохон бүтээлийг хийхээр судалгааны ажлаа эхлээд явж байгаа. Би XX зууны эхний хагасыг судалдаг шинэ түүхийн чиглэлийн хүн. Тиймээс өнгөрөгч зууны түүхийг багцалж бичих цаг нь ирчихсэн юм болов уу гэж бодож байгаа. Социализмын үеийн түүх яг хуучнаараа сурах бичигт явж байна. “БНМАУ-ын түүх” гурван ботийг таван боть болгож гаргах нь гаргасан юм. Яг хорьдугаар зууны түүхийг дангаар нь бичих түүхэн шаардлага бий. Энэ зуунд монголчууд босож ирсэн юм шүү дээ. Их Монгол Улсын үеийн түүхийг бид байтугай дэлхий мэдээд бичээд байгаа. Монголчууд Манжийн эрхшээлээс гараад социализмыг бүтээн байгуулах гэсэн түүхийг цаасан хэлбэрээр гаргах бодол байна шүү.

-Та одоо хаана ажиллаж байна?

-МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш хүн л дээ, би. Шагналаа тавдахь өдөр авсан болохоор шавь нартайгаа уулзаж амжаагүй л байна. Маргааш нөгөөдрөөс хичээлээ заах гээд очно. Түүхийн мэргэжлийн ангийнхан болон мэргэжлийн бус ангийнханд “Социализм ба БНМАУ” гэсэн сэдвээр хичээл заадаг. Бид хаанаас ирээд хаа хүрэх гэж байгаагаа мэдэх хэрэгтэй. Археологич Эрдэнэбаатартай хамтарч Монгол нутаг дахь эртний түүх дурсгал, археологийн олдвор бүхий газруудын талаар нэг сонсдог ном гаргахаар ярилцсан. Архангай, Баянхонгор, Булган гээд нэлээд аймгуудад судалгаа хийгээд явж байна.

-Та археологич Эрдэнэбаатарыг Хүннүгийн талаар агуу их нээлт хийсэн эрдэмтэн гэсэн байсан. Хүннүгийн булш, түүх дурсгалын гайхамшигт олдвортой газрууд урт гартнуудын довтолгоонд их өртөөд байдаг юм биш үү?

-Хөдөөгөөр явж байхад анзаарсан нэг зүйл бол Монгол Улсын төр засаг, хууль хүчний байгууллагууд анхааралдаа авмаар зүйл чинь наад хулгайн асуудал байна. Эртний түүхэн дурсгалт газруудыг үнэхээр их тонож байгаа. Мөнгө олохын тулд юуг ч хайрлахаа байсан. Хулгайн томоохон хэмжээний сүлжээ үүсчихсэн байдаг шиг байна. Гайхамшигт олдворууд монгол нутагтаа биш голдуу гадагшаа гарч байгаа нь маш аюултай үзэгдэл. Булш бунхныг тонох эртнээс улбаатай байсан. Гэхдээ бидний энэ үед бүүр газар авлаа.

-Металл хайгч барьж очоод сөрөг, нум сумны зэвээс өгсүүлээд үнэт эрдэнэсийн зүйлсийг хүртэл тоночихдог юм биш үү?

-Хулгайчид газрын гүнд 5-10 метрийн гүнд байгаа зүйлсийг илрүүлдэг багажтай явсан сураг байдаг. Үүнд орон нутгийнхны анхаарал хяналт сул, бараг тухайн нутгийнхан хамтарч хууль бус үйлдэл гаргаж байна ч гэж хардахаар байдалтай шүү. Археологийн шинжлэх ухаан чинь мөнгө их шаарддаг салбар. Эрдэнэбаатар доктор Архангайн Эрдэнэбулган сумын Гол модны булшнаас том сүйх тэрэг, морины тоног хэрэгсэл, алт мөнгөн эдлэлүүд олсон. Энэ бол түүхэн агуу нээлт. Үүний санхүүжилтийг одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга өгсөн байдаг. Их эрсдэлтэй учраас хөрөнгөтэй улс археологид хөрөнгө оруулахаас цааргалдаг. Тэгэхэд Баттулга 150-иад сая төгрөгөөр тусалсан юм билээ.

-Монгол орон ч археологийн хувьд баян сантай байж магадгүй шүү?

-Манай археологичид, эртний судлалынхан “Яг монгол язгууртнууд олдохгүй байна” гэж ярьдаг юм. Дагалдах боол, албатуудынх нь хойлог болгоод явуулчихсан зүйл олддог.

-Хойлог болгоно гэдэг чинь юу гэсэн үг билээ?

-Томоохон язгууртнуудын хойд насанд үйлчлэх хүмүүсийг морь мал, идэх уух юмтай оршуулах ёслол шүү дээ. Ноён уулын булш бол тун чухал олдвор. Оросын эрдэмтэн Козлов том олдворуудыг аваачаад Санктпетербургийн Эрмитажид тавьчихсан. Ноён уулын бүс нутаг чинь археологийн олдворын өлгий. Тиймээс бид энэ Ноён уулыг маш их анхаарч хамгаалах ёстой. Тэнд байгаа түүх, археологийн олдвор хөрсөнд байгаа жаахан алтны судлын хэмжээгээр хэмжигдэхгүй. Тэр хавийг бүхэлд нь дархан цаазтай, төрийн тахилгатай болгох хэрэгтэй байгаа юм.

-Манай бичгийн мэргэд, утга зохиолын авьяас билэгтнүүдийн хамгийн их харамсдаг зүйл нь монгол хэл, уран зохиолын хичээлийн цагийг багасгаснаас болж хойч үе маань монгол бус хүмүүн болох нь гэсэн айдас. Түүхийн хичээлийн хувьд харин цаг нь овоо байгаа юу?

-Түүхийн хичээлийг өргөн цар хүрээтэй ормоор байгаа юм. Уран зохиолтой л адил манай түүх чинь бас хичээлийн хөтөлбөрөөс хасуулаад л явж байна. Түүхээ бид ойлгож, хүндэлж чадахгүй байгаагийн илэрхийлэл энэ. Монгол шиг цөөхөн хүн амтай, хоёр их гүрний дундаа ийм жижигхэн улсын хамгаалалт дархлаа бол түүхээ л мэдэх юм. Бид социализмын үед түүхээ их үзэл сурталжуулсан учраас ард нийтээрээ түүхийг үл ойшоох болсон. Одоо бол түүхийн талаархи ойлголт өөр боллоо. Бидний түүх асар баян, маш их сонирхолтой гэдгийг мэддэг болчлоо. Бидэнд монгол хэл, соёл, ёс заншил, түүх маань байна. Үүнийгээ л үр хойчдоо өвлүүлж үлдээхгүй бол харь орны соёлд уусахад амархан болсон.

Энэ цахим орчин хүмүүсийг өөрийн мэдэлгүй харь хүн болгож байна. Эл аюулыг бид олж харах ёстой. Их гүрнүүд “Зөөлөн хүчний бодлого” гэж их ярих болсон. Кино, урлаг соёл, хувцаслалт, телевизийн нэвтрүүлгүүдээр дамжуулан их гүрнүүд өөрийнхөө соёлыг аль нэг оронд шингээгээд байгаа.

Үүнээс болж өөрийн үндэсний бүхнээ голох, үгүйсгэх, өөрсдийгөө үл тоох, гадагш дүрвэх хандлага гарч байна. Өөрсдийн түүхээ үл тооно гэдэг эх орноосоо урвасантай адил ялт үйлдэл.

-Өнгөрөгч зун Өмнөд монголоороо явж байхад Шандуугийн Шар талд Хубилай хааны найман давхар асрыг бодитоор байгуулан, олон ангит киноны зураг авч байхтай таарлаа. Зураг авч дуусуут энэ орд аялал жуулчлалын төв болох юм билээ. Хилийн чинадад байдал ийм байхад монгол туургатны гал голомт манай улсад түүх, соёлоо огт тоохгүй л байх шиг байгаа юм даа?

-Одоо л манай улс үүх түүхэндээ анхаарах ёстой юм. Бидний хэдэн түүхч, уран бүтээлчид “Монголын эзэнт гүрний гайхуулгын ордон, цогцолбор” гэсэн нэг зүйл хийж бүтээх гээд ноднингоос хөөцөлдөөд яваад байна. Их Монгол Улсын үед Алтан ордны улс, Хүлэгүгийн улс, Цагадайн улс гэж ямар юм байсныг хараг гэж монгол нутагтаа ийм төсөл хийсэн. Монгол соёл чинь эндээс л тарсан шүү дээ. Хэдийгээр харь оронд суурьшиж олон жилийн хугацаанд тухайн улсад уусан ч гэсэн монголчуудын үлдээсэн өв их. Дэлхий нийт Монгол Улсыг яг л тэр үүднээс харж байна. Чингис хааны үлдээсэн их өвийг ганцхан өмнөд хөрш ч биш дорно дахин, Орос улс гээд бүгд л булаалдаж байна. Орос орон чинь монголчуудын байлдан эзлэлтэн доор нэгдэж босож ирсэн улс шүү дээ. Догшин Иван хүртэл монгол цусны хүн. “Оросыг сайн маажвал монгол гарна” гэдэг үг хүртэл байгаа биз дээ.

Бидэнд өвөг дээдсийн үлдээсэн их өв, түүх, хэл соёл, ёс заншил, байгалийн баялаг, олон сая мал байна. Энэ их баялгийг нийгмийн салбаруудад зөв хуваарилж чадвал хөгжих өргөн боломж байна. Хөгжлийн гол чиг нь түүх соёлоо л мандуулах. Их Монгол гүрний гол гол байгууламжуудыг эх нутагтаа сүндэрлүүлчихэд дэлхийн мэлмийг баясгаж, чихийг дэлдийлгэх аялал жуулчлалын их ирээдүй харагдаж л байгаа. Өмнөд хөршийн хувьд зөөлөн хүчний бодлогыг мөнгөөр хүчтэй явуулж байна л даа. Хубилай хаан гэдэг чинь өнөөгийн Хятадыг бий болгосон хүн шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Дамбын Шагдарсүрэн: Монгол орны жараад хувь зудтай, дээр нь туурайн зуд нэрвэж эхэллээ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Малчин телевизийн сурвалжлагч, нэрт сэтгүүлч, цаг уурч Дамбын Шагдарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.


-Таныг уулын оргил дээр гараад тэнгэр хангайн араншинг шинждэг гэлцэх юм. Энэ жил монгол орны цаг уурын байдал ямаршуухан байх шинжтэй байна?

-Уулан дээр гараад ирэх өвлийн байдлыг алган дээрээ байгаа юм шиг хардаг гэсэн цуурхлыг яг энэ мөчөөс эхлээд таслан зогсоох хэрэгтэй. Ямар ч хүн, хэзээ ч тэгж мэддэг арга байдаггүй. Малчин хүн жилийн дөрвөн улиралд өвлийн адаг сарын битүүнээс дараа жилийн өвлийн адаг сарын битүүн хүртэл 365 хоногт байгаль орчин, мал сүрэгтэйгээ хамт байж, од эрхсийг нь ажиглаж, ургамал, амьтныг харан “Энэ жил нэг иймэрхүү болох нь уу дээ” гэж таамагладаг. Энэ бол цаг уурын прогноз биш таамаглал. Уулан дээр гардгийн тухайд бол гурван зуугаад жилийн түүхтэй, зөвхөн энэ Боржигоны бор толгод дунд өвлөгдөж ирсэн арга. Тэгэхдээ мөн л 365 хоногоо ажиглаж намрын дунд сарын 15-ны шөнө сар хөөрсөн үед уулан дээр гараад газар, тэнгэрийн савслагыг дурандан сууж байгаад бүтэн жил хуримтлуулсан мэдлэгээ тэр шөнө дүгнээд хэдэн оныхтой төстэй байна вэ гэж харьцуулдаг. “Манай тэр хүүг төрөх жил ийм байсан, намайг авгайдаа анх очиж байхад тийм байсан юм” гэж амьдралын түүхээ эргүүлж базаж байж дүгнэж гаргадаг ийм арга.

-Бүүр бүтэн жил тэнгэр хангайгаа бүрэн дүүрэн шинждэг байх нь байна шүү дээ?

-Ганцхан шөнө уулан дээр гараад мэдчихдэг юм огт биш. Бас монгол орон даяарыг ч мэддэг юм биш. Ердөө тэр Их Угтаалын уулан дээрээс аль зүгт хэдэн километр харагдах нь вэ, Бага Залаа дээрээс хэдэн километр газар харагдах нь вэ, үүнээс хамаарч нүдний хараа хүрэх газар дээр л ярьж байгаа асуудал.

-Бавуугийн Лхагвасүрэн гуайн Боржигоны бор тал гэсэн алдартай шүлэг байдаг. Таны ярианд Боржигоны бор толгод гэсэн үг гарлаа. Боржигоны бор тал болоод толгод гэсэн ойлголт газарзүйн ухагдахуунаараа хаанахын нутаг хамаардаг юм бол?

-Газарзүйн ойлголтоороо говь, хээрийн завсрын бүс, засаг захиргааны хуваариар Дундговийн зүүн тал, Төв аймгийн урд тал, Говьсүмбэр хавийн нутгийг боржигончуудын өлгий гэдэг.

-Уулан дээр гарч шинжинэ гэдэг тухайн нутагт очиж байж л нүдний хараа хүрэх газрыг шинждэг арга байх нь ээ?

-Тийм тийм. Жишээ нь, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төвлөрсөн ард иргэдийн тэнгэр ажигладаг аргыг энд тэнд түгээгээд байх хэрэгтэй байгаа юм. Миний оруулсан хувь нэмэр юу вэ гэхээр Монголын үндэсний радиод сурвалжлагчаар ажиллаж байхдаа 1990 оноос хойш тэнгэр ажиглаж шинждэг малчдыг дагаж юу гэж хэлэхийг нь ард түмэнд сурталчилж ирсэн. Тэрний хүчинд Хэнтий аймгийн Дархан сум, Дундговийн Эрдэнэдалай, Дэрэн зэрэг сумдад дууриаж хардаг, ядахдаа цаг агаарыг таамаглаж чаддаггүй юм гэхэд байгаль дэлхийгээ ажиглаад сурчихаж байна. Үүгээрээ их ач холбогдолтой. Бусад газрын уламжлалт таамаг юу байна вэ гэдгийг бас мэдэж авч байна. Завханы Дүнгэнээ хайрхан дуугарахаар яах вэ, Баянхонгорын Аав Богд уул намрын сардаа их биедээ гурван удаа цас татвал тэр жилдээ өнтэй сайхан болно. Өвөрхангайн Сангийн далай нуур өвөл хөлдөхдөө атираатвал дулаахан өвөл болно, гөлийж хөлдвөл хүйтэн өвөл болно гэх мэтчилэнгээр нутаг нутагт байгалийг байгалиар нь шинждэг олон арга байна.

-Энэ жилийн тухайд хаа хаана ямар байх шинжтэй байна?

-Өвлийн уур орох өдрийн махбодь, гаригийг их хардаг юм билээ. Энэ жил гал махбодьтой, мягмар гаригт өвлийн уур орох өдөр тохиосон. Тиймээс өвөлдөө айхтар хүйтрэхгүй байх гэж үзэж байгаа. Одоо өвлийн тэргүүн сарын хорьд гарчихаад явж байна. Өнөөдөр зулын хорин таван болж байна. Одоогоор монгол орны жараад хувь нь цастай байгаа. Үүнээс Өвөрхангайн зүүн тал, Булганы урд тал, Архангайн зүүн урд тал, Төв аймгийн баруун тал зэрэг газраар байдал нэлээд хүнд байна. Яагаад гэвэл арваннэгдүгээр сард их хэмжээний бороо орсны дараа нойтон цас орсон. Газрын гадаргуу хөлдөж мөсөн бүрхүүл тогтчихсон. Энэ нутгуудаар өвөлжилтийн байдал нэлээд хүндэрч, малчид маань хаашаа ч хамаагүй оторлоод явчихлаа шүү дээ, зайлуул. Олигтой идчих нутаг ч гэж алга. Дундговийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Өвөрхангайн Баянгол зэрэг сумд руу газар газраас зүтгээд оччихсон туурайн зуд болоход нэмэр болоод байж байна шүү дээ.

-Гантай, гандуувтар байсны гор гарч туурайн зуд ч нэрвэх шинжтэй болчихлоо шүү?

-Аргаа барсан энэ төр адгийн өчүүхэн загнаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаман дээр отрын бүс нутгийг хариуцсан нэг алба байгаа. Хэрлэнбаян-Улааны отор, тэжээлийн аж ахуй гэж байсан тэр нутаг дээр отрын бүс нутгаа хариуцаж байгаа гэсэн чинь тэнд шүлхий өвчин алдчихаад сууж байна. Есөн сая мал энд отроор өвөлжинө гэж намар ярьсан. Хэний мал хаашаа гарах, зун, намар ямар болсон юм, өвөл яах юм бэ гэсэн ямар ч зохицуулалт байхгүй. ХААХХҮ-ийн сайд, Нийгмийн хамгааллын сайд хоёр Дундговийн Эрдэнэдалай, Сайхан-Овоогоор сая яваад ирж. Тэнд ямар шийдвэр гаргав аа гэсэн чинь уугуул болон нүүгүүл хоёр малчныг хоорондоо тохиролц гэчихээд хүрээд ирсэн байгаа. Яамны тийм зохицуулалт гэж байх уу. Нутгийн малчин, оторчин хоёрын хооронд сумын Засаг дарга ч оролцох хэрэггүй болсон байгаа юм.

-Баянхонгор аймгийн Заг, Байдрагийн голын эх Биндэрьяа Хөх нуурт Бууцагаан, Бөмбөгөр, Хүрээмаралын айлууд отроор очлоо гэхэд нутгийнхан өвөлжөөгөө төлбөртэйгөөр түрээсэлдэг болчихсон шүү дээ. Та үүнд юунд нь гайхаад байгаа юм бэ?

-Харин ийм болчихсон юм байна. Төр засаг өөрсдөө шийдвэр гаргаж дийлэхээ байсны шинж шүү дээ. Ингэж байхаар хөдөө аж ахуй хариуцсан яамгүй байсан нь бараг дээр.

-Энэ өвөл байдал хүндэрчихлээ. Хавар ч шаггүй болох байх. Мал их хорогдох байх даа?

-Мал нэлээд хорогдох байх. Гэхдээ малчид энэ намар нэлээд их нядалгаа хийсэн. Мал цөөрсөн байх. Хамгийн харамсалтай нь мал болоод малын түүхий эдийн үнэ ханш дэндүү тааруу байна. Би дөнгөж саяхан Өмнөд монголын Шилийн гол аймгийн Зүүн сөнид, Авга гэсэн хоёр ч хошуугаар яваад ирлээ. Тэнд Хятадын малчид үнэндээ жаргаж үхэж байна.

-Яаж жаргаж үхэж байх юм бэ дээ?

-Хамгийн харамсалтай нь тэд юу ч хийхээ больж. Зүгээр л төрөөс тэжээлгээд хэвтэж байна. Нэг хурга гэхэд 800-1000 юанийн ханштай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өнөөдрийн манай төгрөгийн ханшаар 370-аад мянган төгрөг болж байна. Нэг морь найман мянган юань, гурван сая гаруй төгрөг гэсэн үг биз.

-Тийм байна…

-Ийм байж болж байна. Хятадын төр бол Өмнөд монголын малчдыг эрхлүүлж байна. Манайх тэгж эрхлүүлж чаддаггүй юм аа гэхэд амьжиргааных нь өртгийг малаас нь олгуулдаг төрийн зохицуулалт, зах зээлийн механизм хэрэгтэй яа даа. Ингэж зовж тарчилчихаад банкны зээлээ дарж чадахгүй ийм малчид байгаад яах юм. Ийм хямдхан малаар ч яах юм. Энэ бол дэндүү гутамшиг. Төрийн төмөр нүүрийг малчдад ёстой нэг харуулж байна даа. Бэлчээрийн тухай асуудал гэхэд ямар ч төрийн бодлого байхгүй. Аргаа барахдаа хоёр малчин хоорондоо тохироод байж байна. Ийм юм байж болох уу.

Мал төрийн хамгаалалтанд байна гээд Үндсэн хууль-ндаа оруулчихсан мундаг улс биз дээ, манайх чинь?

-Мал өмчийн хувьд эзний өмч ч төрийн хамгаалалтанд байна гээд эцэг хуулиндаа заачихсан улс. Өмнөд монголын малчдыг харахад нэг муу тал нь бэлчээрийг нь малчдад хуваагаад өгчихсөн, төмөр хашаагаар торлочихсон байх юм. Хөлөнбуйр, Барга хошуудад торлоогүй. Харин анжсаар зурвас татаад зааглачихсан ч байна. Шилийн гол, Авга хошуунд болохоор тор татчихаж. Малчид үүнд нь дургүй л юм. Тортой хашааны дундуур өндөр хүчдлийн шугам тавихад төрөөс бэлчээрийг нь сүйтгэсний төлөө нөхөн олговор олгож байна. Малчдад байшин барьж өгөөд зардлынх нь тодорхой хувийг төр даадаг болж. Төрөөр даалгахгүй зүйл Өмнөд монголд ерөөсөө алга. Хамгийн харамсалтай нь саалиа саахаа больчихож. Хөдөөгийн малчин айл Хөх хотын сүүний үйлдвэрийн хар алаг үнээний сүүг худалдаж аваад ууж байх юм. Зундаа хэдэн үнээ шувтраад ааруул ээзгий хийгээд авчихдаг. Ээзгийтэй цагаан тос хийдэг юм байна. Тэгэхэд манай малчид ямаршуухан байгаа билээ. Малчид руу ч хандсан хатуу үг хэлэх хэрэгтэй л юм шиг байна.

-Манай Баянхонгорт л гэхэд тугалаа шөнө зэллэж хонож үнээгээ өглөө нэг саачихаад өдөр нь эхлээр тавьдаг л болчихсон юм байна лээ ш дээ?

-Малчид харин ийм л болчихож. Хөдөлмөрлөх ч юм байхгүй, солонгос кино үзээд сууж байгаа. Тэгж залхуурч огт болохгүй. Энэ бол маш муу, маш их буруу зүйл. Бас нэг сонин юм ярья. Өмнөд монголчууд ажил хийхгүй, манайхан очиж мал маллаж байгаа харагдлаа. Мал маллах гэж ерөөсөө хийх ажил байхгүй. Зөвхөн мал услах, гэхдээ тэнд ховоо татахгүй товчлуур дарж ус гоожуулаад л бол оо. Эрэгтэй хүн сард хоёр сая, эмэгтэй малчин нэг сая төгрөгийн цалинтай ажиллаж. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нэг залуу ажил хийж байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан тэнд зөндөө гэнэ. Морь унадаг хүүхдүүд ч байна. Гэр бүлээрээ очоод нөхөр нь адууг нь маллаад, авгай нь гүүг нь саагаад, хүүхэд нь хурдан морийг нь унаж хоёр сар хэртэй ажиллаад ирдэг болцгоож. Авгынхан “Эрдэнэцагааныхан гэмтэй. Архидаад мал хаячихаад явчихдаг юм” гэх нь ч байна.

-Та Малчин телевизийнхээ томилолтоор хөдөө гадаа их явж байна уу?

-Бэлчээр ус, уул уурхайн асуудлаар хөдөө их явдаг. Ойрхондоо Ерөө нэг яваад ирлээ. Намар Заамар явсан. Дандаа л алтны уурхай, төмрийн уурхай, малын бэлчээртэй холбоотой явна. Удахгүй Баянхонгорын Эрдэнэцогт сум руу явна.

Сарлагийн баяр-т очих нь уу?

-Үгүй чиш. Би тэгж баяр наадам хэсэж явдаг хүн биш. Тэнд үлийн цагаан оготно Дөвөнтийн нуруунаас наашхи бэлчээрийг ёстой нэг сүйтгэж байна. Би очоод оготно алах биш. Гэхдээ Ургамал, хорио цээрийн албанаас доктор Цэвээндоржийг газар дээр нь авч очин хэмжүүлж, тоолуулаад малчдад зөвлөгөө өгүүлэх гэж байгаа юм. Миний чадах юм энэ. Тэрнээс би сарлаг, тэмээ, адууны баяр энэ тэрд ерөөсөө дургүй. Баахан тоосон дунд явж байгаад л ирнэ шүү дээ. Яахав хөөрхий өөрсдийгөө баярлуулж байгаа нь сайн л хэрэг. Жаахан бүтээлч юм л хиймээр байгаа юм. Монголчууд маань баярласаар байгаад л унтрах нь дээ. Өдөр болгон баяр, цайллага. Гэтэл үлийн цагаан оготныг яаж устгах вэ гээд зөндөө л ажил байна шүү дээ. Уух ус, уулзах бэлчээр нэгтэй малчин монголчууд хоорондоо хамтарч мал аж ахуйн үйлдвэрлэлээ авч явмаар байна. Уламжлалт хамтын сэтгэлгээг төрөөс ч хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Бэлчээрийн талаар төрийн томоохон бодлого дутагдаж байгааг анхаарахаас аргагүй. Тэгэхгүй бол бэлчээрээс болж буудалцаад эхлэхийг байг гэх газаргүй. Хэдэн жилийн өмнөх эмгэнэлт явдал ч байгаа. Үүнийг л бодохгүй бол болохгүй байна даа.