Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Зөөлөн зөөлөн замбуулин”-гийн Норовын Баасандорж: Ээж минь нутагтаа шагшигдсан дуучин хүн байсан

“Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хос шарга”, “Элээх тавилан” зэрэг олон түмний хайртай дуунуудын зохиогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, дуучин Норовын Баасандоржтой уулзаж ярилцлаа.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглолтоо хийх сураг байсан. Ямар нэртэй тоглолтоо хаана толилуулах гэж байна?

-Энэ жил би “Мартагдашгүй Мартын 8” нэртэй тоглолтоо толилуулахаар бэлтгэлдээ ороод ажиллаж байна. Гуравдугаар сарын 8-ны 17 цагаас “Шөнийн зах”-ын Пирамид эвент халл гэсэн шинээр ашиглалтад орсон ресторанд хийхээр төлөвлөсөн. Би жил жилийн хавар Монголынхоо сайхан ээжүүдэд зориулж тоглолтоо хийдэг юм.

-“Мартагдашгүй Мартын 8” тоглолт өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог байх бол?

-Энэ тоглолт маань концерт хэлбэрээр биш, цэнгүүн маягаар тусгай суудалтайгаар зохиогдохоороо онцлогтой. Тасалбарын үнийн хувьд 80 мянган төгрөгийн үнэтэй. Тасалбарынхаа үнэнд хоол, архи, вино, ус, ундаа, чихэр, жимс, зууш таташ гээд яг л хүлээн авалт ямар болдог билээ тиймэрхүү маягаар зассан ширээ зочдыг маань хүлээж байх юм. Нэг ширээ арван хүнтэй байна.

-Тоглолтод уран бүтээлчдээс хэн хэн оролцох вэ?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Нанзадын Чулуунхүү, миний амьдай “Харш” хамтлагийн дуучин Баасандорж, 80, 90-ээд онд хүчээ авч байсан “Мөнгөн харандаа” хамтлаг урилгаар ирж дуулна. Зочдод маань сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс “Мөнгөн харандаа” хамтлагтай би эстрад дуу хамтарч дуулахаар бэлтгэж байна. Би өөрийн урын сангаас нэрийн хуудас болсон хориод хит дуугаа дуулна. Тоглолт хоёр гурван цаг үргэлжлээд Мартын 8-ны үдэш “Пирамид” ресторандаа баярын үйл ажиллагаагаа тав тухтай үргэлжлүүлж болно.

-Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл хийж байна даа?

-Тоглолтдоо гурван ч шинэ дуу дуулна. Өмнөд монголын Оргилсайхан гэдэг найрагчийн шүлэг “Бүсгүй чи минь”, “Чи минь”, “Монгол хорвоо” гэсэн дуунууд байгаа.

-Ойрд говь, тал, хангай гурван бүсийн цэнхэр орон болсон Баянхонгор нутаг руугаа явав уу?

-Ойрд би төрсөн нутаг руугаа явсангүй шүү.

-Өөрийг чинь Бөмбөгөр, Гурванбулаг гэсэн хоёр ч сумынхан “Манай нутгийн уугуул” гээд булаалдаад байдаг юм билээ?

-Би Гурванбулаг суманд төрж, өссөн хүүхэд. Манай аав Бөмбөгөр сумын хүн л дээ. Бөмбөгөр сумынхан маань намайг яг л тэр нутагт төрж өссөн юм шиг хайрлаж хүндэлж явдагт би их баярладаг.

-“Зөөлөн зөөлөн замбуулин”, “Хосын хорвоо”, “Хос шарга” гээд олон ч сайхан цомгийг ард түмэндээ хүргэсэн. Одоо ямар цомог бэлдэж байна?

-Дээрх цомгууд маань одоо надад олдохоо больжээ. Өөрийнхөө хийсэн дууны уран бүтээлийг анзаараад байсан чинь Өвөрхангай аймгийнхантай нутгийнх нь тухай арваад дуу бүтээсэн байдаг юм байна. Тиймээс өнгөрсөн жил тэдгээр дуугаа нэгтгэж “Өврийн сайхан хангай минь” цомог хэвлүүлсэн маань дуусчихсан. Энэ хавраас шинэ цомгийнхоо ажилд орно доо. Өөрийнхөө дуулсан дуугаар цомог гаргах уу, эсвэл би аялгууг нь зохиож залуу дуучид дуулсан уран бүтээлээ эмхэлж цомог гаргах уу гэдгээ бодоод л явна.

-Дуучин шавь олонтой болж байна уу?

-Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийг ноднин жил төгссөн Амартүвшин гэдэг залуу Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн шүлэг “Ээжийн минь сэтгэлийн үг” дууг сайхан дуулсан. Удахгүй дүрсжүүлж цацах байх. Манай Баянхонгорын Хүрээмарал сумын харьяат Эрдэнэ-Очиртой хамтарч шинэ дууны уран бүтээл хийлээ. Соёлын тэргүүний ажилтан Чулуунчимэг, А.Түмэн-Өлзий нартай хамтарч шинэ дуунууд хийж л байна. Соёлын тэргүүний ажилтан Ёндонгийн Батмөнх гэж Гурванбулаг сумын маань авьяаслаг сайхан залуу миний “Шар усан гол” зэрэг нэлээд олон дууг дуулсан. Миний тоглолтод урилгаар оролцож ая дуугаа өргөх юм.

-Танай ангийнхан гэж авьяасын ундарга болсон нөхөд бий дээ. Хамтарсан цэнгүүн, уран бүтээлийн тоглолт хийх болоогүй юу?

-Багшийн сургуулийн хөгжмийн ангид 1990-1994 онд хамт суралцаж төгссөн хэдэн сайхан хөгжмийн зохиолчид байна. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Тогтохын Сэр-Од, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Пүрэвдоржийн Ганбат, Сүхбаатар бид нар хэдэн жилийн өмнөөс л хамтарч уран бүтээлийн тоглолтоо хийе гэж ярьцгаасан л даа. Зохион байгуулалтан дээрээ л жаахан гацаад байгаа болохоос бидний уран бүтээл бэлэн байгаа юм чинь нэг зоригловол ч юухан байх билээ. Ярьсаар байтал хоёр гурван жил өнгөрчихөж. Эрт, орой хэзээ нэгэн цагт хамтарсан тоглолтоо хийх л байх. Мөн Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангийн нөхөд маань бас байна.

-За, хэн хэн байдаг билээ?

-Дуучин Лосолын Болдбаатар маань гавьяат болчихлоо. Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Банзрагч, Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг, Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Даариймаа, Сайнбаяр нарын олон сайхан дуучин байдаг. Эдэнтэйгээ нийлж тоглолт хийе гэж бас л яриад яваад байгаа.

-Та морины сэдэвт дуу олныг туурвисан. “Хос шарга” дуу шигээ тусгайлан зориулсан ямар дуу байх юм?

-Морины тухай олон дуу зохиосон. Дархан аварга Агваансамдангийн Сүхбатын “Далай зээрд”-ээс өгсүүлээд олон сайхан уяачид, алдарт хурдан буянуудын талаар бүтээл хийсэн л дээ. Саяхан гэхэд оны өмнөхөн Монгол Улсын морин спортын анхны эмэгтэй гавьяат Цэвэлмаа эгчид зориулж яруу найрагч Ундраагийн Баярсайханы шүлгээр “Эрэмгий” гэж дуу хийлээ. Цэвэлмаа гавьяат маань “Алтай констракшн”-ы захирал Бат-Эрдэнийн ээж шүү дээ. Энэ дуугаа тоглолтод бас дуулна даа.

-Мартын найман болж байна. Ээжийнхээ тухай яриач!

-Ээж маань Баянхонгорын Гурванбулагийн хүн л дээ. Би эхээс наймуулаа. Ээж маань энгийн л нэг малчин ардын хүүхэд юм. Сумынхаа ясли, цэцэрлэгт ажилладаг байлаа. Үг цөөнтэй гэж жигтэйхэн. Хүүхдүүддээ үглээд загнаад байдаггүй ч нэг тэсрэхээрээ буулт нь чанга хүн байсан. (инээв. сур) “Аливаа зүйлийг ул суурьтай, чин сэтгэлээсээ хийж бай. Битгий халтар хултар юм хийж бай” гэсэн сургаал нь үр хүүхэд бидний аж төрлийн алтан мөрдлөг болж дээ. Их сайхан дуулна. Манай ээжийн тал чинь нутагтаа дууч удамтай хүмүүс байсан. Сумын концертонд байнга орж дуулна. Хүүхэд байхад ээжийнхээ дуулахыг сонсох мөн ч сайхан байж дээ. Ээж минь ноднин шинэ жилийн өмнө бурхан болоод би жил бүхэн хийдэг тоглолтоо нэг жил өнжсөн дөө.


Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэбатхааны Оюуны тэгш ойн жилийг “Би эндээс явахгүй” жүжгээр нь эхлүүллээ

Э.Оюун ардын жүжигчин Цагааны Цэгмидийн хамт

Монгол Улсын Гэгээрлийн сайд Эрдэнэбатхааныд 1918 онд нэгэн охин төрсөн нь хожмоо төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, эрдэмтэн, урлаг судлаач, театрын найруулагч хэмээх олон алдрын эзэн болсон Э.Оюун байлаа. Түүний мэндэлсний зуун жилийн ой энэ онд тохиож байна. Тэрээр Монголын урлаг соёлын амьдралд соён гэгээрүүлэх үр жимс тарьж “Шарай голын гурван хаан”, “Амарсанаа”, “Отелло ван” зэрэг олон дуурь, жүжиг найруулж, Оросын их зохиолч Н.В.Гоголийн зохиолууд болон Английн бичгийн их хүмүүн суут В.Шексперийн “Лир ван”, Софоклын “Эдип хаан” зэрэг дэлхийн сонгодог бүтээлүүдийг дуун хөрвүүлж, “Талын баатрууд”, “Ах дүүс”, “Гарва”, “Хайр” зэрэг олон зохиол туурвисан бичиг номын их хүмүүн байлаа. Э.Оюун гуай багадаа эцгээсээ хагацсан хүн. Тиймдээ ч элэг зүрхний хайртай ааваа үгүйлэн “Эцэг минь амьд сэрүүн байх шиг байна. Хаа байгаа нь бүүр түүр мэдэгдээд байна. Нэг тийм шар охинтой байсан юмсан. Тэр минь овоо хүн болсон шиг байна. Тэгэх л ёстой охин байсан даа. Түүнийхээ барааг харах учир байна уу, үгүй юу. Үгүй тэгээд түүнтэйгээ уулзвал одоо намайг таних болов уу, үгүй болов уу гэж ярьж байна гэнэ. Энэ дээгүүрх хүмүүст аавын минь тухай юм уу, нэг бичиг ирсэн мэдээ байна” гэж хагацлын манан дундуур цээжний махаа барж горь хүслийн харцаа хандуулсаар байсан. Оюуны эх Цэцгээ гэж сайхан буурал байжээ.

Нийслэл хүрээнд эцгийнхээ гучин насан дээр төрсөн тэрээр Улаанбаатарт бага сургуульд дөрвөн жил суралцан, 1932-1934 онд дунд сургуульд гурван жил сураад 1934 онд 16 насандаа Улаан-Үд хотын Ажилчны сургууль Рабфакт дөрвөн жил сурахаар яваад дөрвөн жилийн хичээлийг ганцхан жилд багтаан сурчээ.

1935 онд 17 настайдаа сургуулиа төгсөж ирүүт Ардыг Гэгээруулэх Яаманд орчуулагчаар ажиллах болсон байна. Улмаар арван долоохон настай авьяас билэгт охин Бөмбөгөр театрт жүжигчнээр орж 1936 онд 18 насандаа “Уяхан зүрх уруу татав” анхны өгүүллэгээ “Үнэн” сонинд хэвлүүлсэн нь Монгол шинэ тулгар төрийн тэргүүлэх сэхээтэн төрийн зүтгэлтэн аавынх нь нөлөө байсныг ч үгүйсгэх аргагүй юм. Тэрбээр 1936-1952 онуудад Улсын академик театрт найруулагч, удирдагчаар ажиллахдаа олон арван жүжиг найруулж, туурвисан билээ. Түүнийг 19-хөн настай байхад 1937 оны их хэлмэгдүүлэлт эхэлж эцэг Эрдэнэбатхаан нь хилс хэргээр шоронд орж, улмаар ор сураггүй алга болжээ. Э.Оюун 1942 онд “Гавьяат жүжигчин”, 1945 онд “Ардын жүжигчин”, “Ах дүү нар” хэмээх жүжиг туурвин тайзнаа тоглуулж түмэн олноо сэтгэлийн цэнгэл эдлүүлсэн тул Э.Оюунд 1946 онд БНМАУ-ын төрийн шагнал олгожээ. Энэ үед тэрээр дөнгөж хорин наймхан настай байв. “Учрал” өгүүллэгийн түүврээрээ 1978 онд МЗЭ-ийн шагнал авсан зохиолч байлаа.

Түүний “Хил дээр” (1939, орчуулсан), “Залуу эх Замбага” (1941, Г.Увароватай хамтарсан), “Мандухай сэцэн хатан” (1942) болон “Буурал бүсгүй” (1943, А.Рабиновичтай хамтарсан), “Цогийн идэр нас” (1945), “Зам” (1947), “Цолмон” (1949), “Тэр талд” (1949, 1970), “Эмч нар” (1953), “Страконецийн хөөрөгт цоорч” (1957), “Тамирын бэр” (1963), “Лир ван” (1964), “Төрсөн өдрийн баяр” (1965), “Шинэ байшинд” (1965), “Гарын таван хуруу” (1967), “Ээдрээ” (1968. Л.Вангантай хамтарсан), “Зам нийлэх үү” (1969), “Өрсөлдөөн” (1970), “Арын албаныхан” (1971), “Нүд” (1973) жүжгийг тайзнаа найруулан тавьсан. “Дэнсмаа” (1938), “Шинэ хүн” (1939), “Хот айл” (1942, найруулсан), “Талын баатар” (1943, 1983), “Амарсанаа” (1944, найруулсан), “Арвижихын гэр бүл” (1948, Ш.Нацагдорж, Д.Намдаг нартай хамтарсан, найруулсан), “Ах дүү нар” (1945, найруулсан), “Нөхдийн уулзалт” (1946, найруулсан), “Бумбат Эрдэнэ” (1977, С.Удвалтай хамтарсан), “Ширүүн тулааны өмнөхөн” (1981) зэрэг бүтээл нь УДЭТ-ын тайзнаа тавигдаж үзэгчдэд хүрсэн. Мөн Булган, Дорнод, Ховд, Өмнөговь, Завхан, Дархан зэрэг олон аймаг, хотын театрын тайзнаа түүний зохиол бүтээл “амилжээ”. Монголын театрын урын санд Э.Оюуны орчуулсан олон бүтээл бий.

Үүнд, “Байцаагч түшмэл” (1936), “Хонины булаг” (1937), “Хуягт галт тэрэг” (1937), “Хоёр эзний ганц зарц” (1938), “Скапены дамшиглал” (1939, 1959), “Нүүрэлдэлгээ” (1941), “Жаргал” (1943), “Платон Кречет” (1947), “Алтан ай” (1949), “Хүний чарганд битгий суу” (1949), “Лениний гэр бүл” (1951), “Мердановын гэр бүл” (1954), “Страконецийн хөөрөгт цоорч” (1957), “Сэтгэлийг шинэтгэсэн нь” (1959), “Эрхүүд болсон явдал” (1962), “Хар санаа, хайр сэтгэл” (1963, 2004), “Лир ван” (1964), “Овод” (1967), “Буутай хүн”, “Любовь Яровая” (1969), “Анхны тулаан” (1970), “Цаг өөр болжээ” (1974), “Егор Булычевынхан” (1975), “Нора” (1984), “Галилейн амьдрал” (1988), “Нийгмийн санаа” (1990) зэрэг жүжгүүдийг орчуулсан нь УДЭТ-ын тайзнаа тавигджээ. Э.Оюуны “Монголын театрын түүхэн замнал” /1989/ ном театрын түүх судлалын томоохон бүтээл болсон билээ.

УДБЭТ-ын тайзнаа тавигдаж, урын санд бүртгэгдсэн бүтээлүүдээс нь дурдвал “Буурал бүсгүй” хөгжимт драм, 1951 онд “Жаргалын зам” дуурийг найруулан тавьж “Евгений Онегин”, “Лусын дагина”, “Чио Чио Сан”, “Травиата”, “Богема”, “Октябрь”, “Игорь Ван” зэрэг 20 шахам дуурийн цомнолыг орчуулжээ. Багын эрдэмд шамдсан бичгийн хүмүүн тэрээр МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангид 1952-1957 онд суралцан төгссөн байдаг. Э.Оюун ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан, урлаг судлалын ухааны доктор хүн. 1957-1960 онд Москва хотноо А.В.Луначарскийн нэрэмжит ТУДС-д аспирантурт суралцаж “Монголын ардын урлаг дах театрын үндсүүд” сэдвээр эрдэм судлалын ажил хийжээ. Улмаар 1960-1962 онд Кино үйлдвэрт, 1962-1963 онд МАХН-ын Төв Хорооны Соёл урлагийн газрын дарга, 1963-1975 онд Улсын академик театрт найруулагч, удирдагч,1966-1976 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1968-1969 онд Дуурь бүжгийн театрт, 1975-1987 онд Урлагийн ажилтны холбооны даргаар ажиллажээ. Шинэ Монголын урлаг соёл, утга зохиолын төлөө нэгэн биеийн алжаалыг умартан зүтгэсэн эл хүндэт буурал 2001 оны зургаадугаар сарын 21-нд 83 насандаа бурхан болжээ. Э.Оюун гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний 1958 онд туурвисан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийг төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар УДЭТ-т өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 10-ныг дуустал тавих болсон талаар өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр УДЭТ-ын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжгийн продюсер Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдагч Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд нар мэдэгдсэн. Энэ жүжгийг театрынхаа төсвөөс 90 сая төгрөг гарган тайзнаа амилуулж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-наас тусалж дэмжих байх гэдгийг ч тэд уламжилж байсан.

Э.Оюун гуайн овгийг Эрдэнэбатын, Эрдэнэбатхааны гэж хоёр янзаар бичсээр байгаа нь анзаарагддаг. Тэгвэл түүний нэр нь Эрдэнэ, овог нь Батхаан ажгу. Монгол Улсад ардын хувьсгал ялсан 1921 оны гуравдугаар сарын 24-нд Монгол Улсын Засгийн газрын нарын бичгийн анхны даргаар томилогдож, 1924-1928 он хүртэл Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байхдаа Ардын засгийн анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) 35 сурагчийг Герман, Франц улсад явуулах тушаалыг гарган удирдан авч явсан байдаг. Эдний дундаас их зохиолч Д.Нацагдорж, төрийн хошой шагналт зохиолч Донровын Намдаг, нэрт соён гэгээрүүлэгч О.Намнандорж, зохиолч Т.Нацагдорж, Н.Наваан-Юндэн, ардын зураач Л.Намхайцэрэн нар хожим бүгд Монголын шинэ цагийн гайхамшигт сэхээтнүүд болцгоосон билээ. ЭрдэнэБатхаан Германы тагнуул гэх хилс хэргээр 1930 онд Ленинградад цөлөгдөн, 1937 онд баригдаж сураггүй болсон гэдэг.

Тэрээр Италид аж төрж байсан социалист реализмыг үндэслэгч их зохиолч Максим Горькийд захиа бичин уран зохиол, орчуулгын чиглэлээр “Идэвхтэй зарчмыг баримтлах хэрэгтэй” гэсэн хариу захиа авч байсан түүхэн том сэхээтэн. Эрдэнэбатхаан бол Монгол Улсаа соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн оюун ухаан, хүч чадлаа зориулсан, хойч үе маань хэзээ ч мартаж үл болох алдартан билээ. Тэрбээр Монгол ардын намын төлөөлөгчдийг хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй уулзахад хэлмэрчилж, ЗХУ-д оюутан суралцуулах их үйлсийг санаачлан Монголын ард түмний өмнө асар их гавьяа байгуулсан юм. Ид хийж бүтээх идэр насандаа харийн хүйтэн шоронд халуун амиа алдсан эл хүн гурван охин, хоёр хүүтэй байсан бөгөөд бүгд эх орондоо нэр цуутай алдартнууд болжээ. Эрдэмтэн зохиолч Э.Оюун театрын урлагийн хатан ээж гэгддэг бол сурган хүмүүжүүлэгч Э.Раднаа, малын эмч Э.Зандармаа, инженер Э.Агваандорж, багш Э.Карма нар нь бүгд Монгол Улсынхаа хөгжилд нэр нөлөө бүхий байр сууриа эзэлсэн хүмүүс болон өссөн байдаг.

Эрдэнэбатхааны отгон хүү Э.Агваандорж “Миний аав Эрдэнэбатхаан бол буриад хүн шүү дээ. 1888 онд одоогийн Усть-Ордын Буриадын өөртөө засах улсын Бохан районд байсан Тараст төрсөн юм билээ. Аав нь 20 настайдаа Эрхүү хотын гимназийг төгсөөд тэндээ маш цөөхөн жил багшилж байжээ. Учир нь юм юманд оролцсон овсгоо самбаатай хүн байсан болохоор нь ч тэр юм уу “Найдваргүй этгээд” хувьсгалын үйл хэрэг элдэв зүйлд оролцдог гэж үзээд Эрхүү мужаас хөөсөн гэдэг юм. Би мэдээ орсон цагаасаа аавтайгаа хамт байгаагүй. Ээжийнхээ ярианаас л аавыгаа сайн мэддэг болсон. Хожим юм ухаарахтайгаа болсноор ном зохиол, түүх шастираас эх орноо хөл дээр нь босгох гэж хэчнээн их зүтгэж яваад хэлмэгдсэнийг нь бодохоор маш их харуусаж зүрхэндээ уйлсаар өдий хүрлээ. Аавыг Галуут нуур орчимд л цөлсөн гэдэг. Энэ үед нутгийн хүн Цэвээн Жамсранов тэнд тааралдаж л дээ.

-Чи энд цөлөгдчихсөн гээд л зүгээр суугаад байсны хэрэггүй. Цаана чинь Монголд автомат засаг сэргэчихсэн чам шиг бичиг үсэгтэй хүн их хэрэгтэй болоод байна. Тэнд очиж сургуульд багшил гэж гэнэ. Авчрахаасаа өмнө чи гэр бүлтэй юү гэж асуужээ. Үерхдэг бүсгүй бий гэж л дээ. Түүнийгээ олж ир гэсэн байна. Аав Бохандаа эргэж очиж хуримаа хийж гэр бүл болоод Монголд ирж Автоматын үеийн сургуульд газарзүй, түүхийн багшаар ажиллаж байсан юм билээ. Тэгж байтал хүрээнд нууц бүлгэм үүсч эхэлсэн байна. Ээжийн яриагаар бол Догсом, Лосол, Бодоо, Сүхбаатар нартай маш дотно харьцаатай байсан гэдэг. Тэр үед Бодоогийнд Чойбалсан нэг хэсэг амьдарч байсан юм билээ. Манай аавын нэрийг Никит гэдэг байж л дээ. Д.Сүхбаатар аавыг нэрээ соль Эрдэнэ гэдэг нэртэй бол гэснээр аавынхаа Батыг нэмээд Эрдэнэбатхаан болсон юм гэдэг. Цагийн байдал түгшүүртэй байсан үе юм даа. Тэр үед Барон Унгерний цэргүүд Оросын Буриадуудыг цэрэгтээ элсүүлж эсвэл хядаж байсан үе. Энэ үед Лосол аавыг “Чи наад орос хувцсаа соль” гээд лам дээл өмсүүлсэн гэж ээж минь хуучилдагсан. Лосол, Догсом, Бодоо нар бол бүгд л хийдэд шавилж байсан шашны номтой лам хүмүүс шүү дээ. Ардын хувьсгалаас өмнөхөн Оросын нэрт эрдэмтэн Майскийн шинжилгээний ангид нэг хэсэг орчуулагчаар ажиллаж байсан байгаа юм. Харин аав бол хэлний боловсролд гаргууд хүн байсан гэсэн. Оросуудтай оросоор, буриадуудтай буриадаар, халхуудтай халхаар маш цэвэрхэн ярьдаг байж. Нэг өдөр Догсом орхимжтой лам дээл малгай авчирч өгөөд “Чи Чингэлтэй уулын энгэрт очоод байж бай” гээд араас нь морьтой ирж бүгдээрээ уул хяралж Мухарын даваагаар даваад Сөгнөгөрөөр дайрч дандаа уулаар явсаар Хиагтад очжээ. Тэнд МАН-ын анхдугаар хуралд оролцож түр Засгийн газар байгуулалцаж, нарийн бичгийн даргын ажил хийсэн юм. Ингэж хувьсгалын үйл хэрэгт оролцож улс эх орондоо хүчээ өгсөн юм билээ. 1921 оны 11дүгээр сарын 5-нд МАН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж В.И.Ленинтэй уулзахад хамгийн анх орчуулагчаар ажилласан хүн бол аав минь юм. Ленин, “Оросоор маш гайхалтай ярьж байна. Хаана сурсан юм бэ? Үүнээс хойш та Орос Монголын ард түмний гүүр болж яваарай гэж хэлсэн гэдэг” гэж эцгийнхээ талаар дурсжээ. Их зохиолч М.Горький Эрдэнэбатхааныг “Камень мудрости” буюу “Цэцэн бодлын чулуу” хэмээн нэрлэсэн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Даваасүрэнгийн Отгонжаргал: “Хайрлахын жаргал” тоглолт маань нийлмэл урлагийн гайхамшгийг мэдрүүлнэ

Image may contain: 1 person, sitting

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, монгол түмний хайртай дуучин Даваасүрэнгийн Отгонжаргалтай уулзаж хөөрөлдлөө. Түүний Хайрлахын жаргал уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт гуравдугаар сарын 6-ны 19 цагт Монгол бөхийн өргөөнөө болох гэж байгаа аж.


-Баянхонгор аймгийн Заг сумын түүхт ойгоор таарч нутгийн найрагчдын Биндэрьяа Хөх нуурын бийваа ятгын эгшиг номыг гардуулж байснаа санаж байна. Өөрийг тань манай нутгийн охин гэдгийг тэгэхэд л мэдсэн хэрэг. Уугуул нутгийнхаа талаар яриач!

-Тийм ээ, би Баянхонгор аймгийн Заг сумын уугуул хүн. Миний өвөө Бадарч, аав Даваасүрэн нар маань Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчирт төрсөн хүмүүс. Энэ Хүрэн бэлчирт эзэн Чингис хаан маань цэргээ засан очиж Найманы Таян хаантай тулалдаж байсан, бас хожим Халх-Ойрадын их чуулган болж байсан түүхт газар л даа. Хүрэн бэлчир газар нутгийн харьяаллаараа Заг суманд ордог. Заг сумынхаа түүхт ерэн жилийн ойгоор очихдоо энэ сайхан нутгаас төрсөн Монгол Улсын алдар цуутай олон хүнтэй танилцаж байлаа. Нутаг ус гэдэг бол үр хүүхдээ, ач зээ нараа, өвөр бэлд нь төрсөн хүмүүсээ үргэлж ивээж тэтгэж, харж хайрлаж явдгийн жишээ болсон олон сайхан хүмүүс тэндээс төрөн гарчээ. Миний аав Бадарчийн Даваасүрэн төрсөн нутаг усандаа нэртэй хүндтэй хүн байлаа. Хүмүүс “Аварга Даваасүрэн” гэдгээр нь сайн мэддэг юм билээ.

-Аварга гэхээр их л мундаг хүн байж дээ?

-Аавын үеийн хүмүүс “Аварга Даваасүрэнг мэдэлгүй яахав, бурхан болоод олон жил боллоо доо, хөөрхий” гээд андахгүй юм билээ. Яагаад аварга гэх болсон юм бол гэсэн чинь эрхэлсэн ажил бүхнээ сайн хийдэг, маш олон удаа аймгийн хөдөлмөрийн аварга болж байсан болохоор хүндэтгэж нэрлэсэн хоч нь гэж байсан. Тэр үед ааваараа үнэхээр бахархаж байсан даа.

-Манай Заг сумын Хүрэн бэлчирийн гайхамшигт бүсгүйчүүд Монголын түүхэн кинонуудын гол дүрийг бүтээсэн байдаг. Тухайлбал, Цэндийн Намсрайн охин, Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин Сувд Мандухай сэцэн хатан киноны Мандухай, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Өөлүн хатан эхийн, Хүргэн хүү киноны гол дүрээрээ олны танил болсон жүжигчин, нэвтрүүлэгч Батсүрэн Цөвүүн цагийн Богд киноны Ханджамц хатны, та гэхэд ану хатан-ы дүрийг Монголын ард түмний сэтгэлд хоногштол бүтээлээ. Үүнд ямар нэгэн учир холбоо байдаг бол уу?

-Үүнийг би ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан багшийг хэлэхээр анзаарсан. Сүүлд нь бодож байхад “Нээрээ л их учир жанцантай юм байна даа” гэж бодсон. Намайг “Ану хатан” кинонд тоглож байх үед энэ талаар бидний хэн нь ч мэддэггүй байсан. Кино зохиолч Шүүдэрцэцэг, Болдхуяг ах хоёр ч мэдээгүй. Загийн гол, Хүрэн бэлчрийн охид эмэгтэйчүүд Монголын ийм том түүхэн кинонуудад тоглох учир ерөөлтэй байсан юм байлгүй дээ. (инээв. сур) Маш сайхан. Баяртай л байдаг даа.

Сайн явахад садан мундахгүй гэсэн үг байдагчлан таныг бас Дарханыхан булаалдах шинжтэй юм билээ?

-Намайг зургаан нас хүрч байхад аав маань бурхан болсон юм. Ээж маань зургаан хүүхэдтэйгээ үлдээд Дархан хот руу манайх ерэн хоёр онд нүүсэн. Ээжийн дүү нар бүгд энд суурьшсан байсан л даа. Дарханд хорин нэгэн аймгийнхан аж төрдөг их сайхан залуу хот. Дунд сургуулийн үе маань Дархантай яах аргагүй холбоотой байлгүй яахав. СУИС-д 2001 онд Дарханаасаа ирж шалгалт өгөн элсэн орж байлаа.

Image may contain: 1 person, smiling, text-Хэн гээч багшийн шавь болов?

-СУИС-ийн гоцлол дууны ангид орж дуурийн гоцлол дуучны мэргэжлээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дэд профессор Очирбатын Ичинхорлоо хэмээх гайхамшигтай дуучин, агуу багшийн удирдлагад очсон. Энэ хүний шавь болж очсон хувь заяандаа талархаад баршгүй. Би энэ хорвоод хоёр ээжтэй гэж гүн бат итгэдэг. Нэг ээж маань мэдээж намайг тээж, төрүүлж, өсгөсөн Тэрбишийн Жүгдэр ээж минь, хоёрдахь нь миний эрдмийн эжий Ичинхорлоо багш маань юм. Багшдаа шавь болж очоогүй бол би уран бүтээлүүдээ хийж чадахгүй байсан. Манай багш хэрээ шиг хоолойтой хүнийг алтан гургалдай болгож чаддаг шидтэн. Дуучин болоход бас их нөлөөлсөн багш маань соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Тулгабатын Энхтуул маань байна. Энэ хоёр их хүний шавь нар гэвэл Монголын ард түмний танил Чингис хааны одонт, гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ариунбаатар, Батсайхан, поп дива, гавьяат жүжигчин Алтанцэцэг, ДБЭТ-ийн гоцлоочид, дуучин Гомбожав нарын маш олон уран бүтээлч байдаг. Энхтуул багшийн шавь нар гэхэд гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын олон дуучид байгаа.

-Баянхонгорын Баацагаан сумын уугуул, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлэг, Богд сумын уугуул, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн их суутан Чойгивын Сангидоржийн аялгууг нь туурвисан Миний ээж тэмээчин дууг та дүрсжүүлж дуулсан нь үнэхээр хүмүүний сэтгэлийн уярлын чавхдсыг хөглөлөө. Клипний зохиолыг хэн бичсэн бэ?

-“Миний ээж тэмээчин” дууны хувьд зуунаас зуун дамжсан алдартай бүтээл. Клипийг “ACE” энтертайнментийнхан хийсэн. Найруулга, зураглаачийн ажлыг Тулгаа гэж Монголын урдаа барьдаг мундаг уран бүтээлч гардан гүйцэтгэсэн. “HERO” энтертайнментын ажилтан. Урлагийн ертөнцөд маш олон жил клип, реклам хийсэн хүн л дээ. Бид энэ клипийг кино шиг хийе гэж анхнаасаа ярьсан. Зургийг Булган аймгийн Хөгнөхаан уулын тэндэх Элсэн тасархайд авсан юм. Гэрээ буулгаад, ээждээ гүйж очдог хэсэг дээр элсэн шуурга хэрэгтэй учраас бөртийх ч үүлгүй зуны халуун өдөр дуучид, жүжигчид, уран бүтээлчид бүгд л элс самардан цацаж байлаа. Элсэн шуургыг компьютер графикаар хийж болох ч нэг л хиймэл болно гэж найруулагч маань үзсэн хэрэг. Клип авахаар хоёр хоносон юм. Эхний өдөр элсээ самардаад. Хоёрдахь өдрөө оройн жаргах нарны зургаа сайхан авчихаад байж байтал ёстой нэг аймаар элсэн улаан угалз шуурсан даа. Тэнгэрийн өехийд тулсан тийм элсэн шуурга босоод бидний байрлаж байсан амралтын бүх гэрүүд нурсан. Анхандаа бид тоононы чагтаганаасаа татаж, хоёр баганаа тэврэн шуургатай үзэлцээд дийлэлгүй гэр маань нурсан. Ардын жүжигчин Цэрэндагва гуай, Мэндбаяр эгч хоёроо байранд орууллаа. Тэр шуурган дундуур зураглаач Тулгаа маань туслах найруулагчтайгаа гарахад нүүр хувиргагчаар ажиллаж байсан эхнэр нь болоод бид “Яана аа, салхинд хийсчих вий дээ” гэж санаа зовниж байлаа. Тэр үед засмалаар хурдтай явж байсан машин хүртэл хийссэн гэж сонстож байсан. Хоёр ардын жүжигчин маань “Энэ их увдис шидтэй юм боллоо. Сайхан бүтээл болох байх” гэж бэлгэшээж байсан даа. Клипний нээлтээ энэ сарын нэгэнд хийсэн.

Хайрлахын жаргал бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм байна. Ямар тоглолтоор үзэгчдээ мялаах гэж байна?

-Анхны, бие даасан “Өнө мөнхийн орон” тоглолтоосоо хойш зургаа дахь жилийнхээ нүүрэн дээр “Хайрлахын жаргал” тоглолтоо хийхээр бэлтгэлдээ ороод явж байна. “Хайрлахын жаргал” цомогтоо орсон дуунуудаа дуулна. Энэ дуунуудаа бүтээхийн тулд маш их судалгаа хийж, их ч хөдөлмөрлөсөн. Монгол Улсын гавьяат жүжигчин Отгон гуайн дуулдаг “Бүүвэйн дуу” гээд гайхалтай уран бүтээл байдаг даа. Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлэг

Адуучин аавын хүү билээ

Агтны тоосонд төрсөн билээ… гэсэн үгтэй сайхан дууг “VOICE” хамтлагтайгаа дуулна. “Хайрлахын жаргал” цомог маань “Эжий минь дэргэд байхад”, “Амин үргэлжлэл”, “Хун галуу”, “Хайрын эгшиглэн”, “Ус мөрөн олон чиг”, “Өнө мөнх орон” гээд олон дуутай шүү дээ. Цомгийнхоо дуунуудтай, нийт хорин дууг дуулахаар төлөвлөөд байна. Надтай хоршин дуулсан дуэт дуучид маань бүгд ирж мэндчилгээ дуунуудаа өргөнө.

-Ай, сайхан тоглолт болох нь дээ?

-Ямар тоглолт болохыг хүмүүс ирээд хараг дээ. Дуулж, бүжиглэж, хөгжимдөж байгаа бүрэлдэхүүн гэхэд бараг зуугаад хүн байгаа. Симфони оркестр, эстрад найрал хөгжим, найрал дуучид, “Natur danse” бүжгийн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ гээд өргөн бүрэлдэхүүн оролцож байна. Тоглолтонд миний дуунуудаас бүтсэнбүжгэн жүжиг тоглогдоно. Үндсэндээ урлагийн нийлмэл тоглолт болно гэсэн үг л дээ. Бас үзэгчдэдээ сюрприз бэлэгтэй.

Image may contain: 1 person, smiling, text-Тасалбар бүхэн бэлэгтэй гэчихсэн байсан шүү?

-“Хайрлахын жаргал” анхны цомогт маань Монголын ард түмний хамгийн их хайрлаж хүндэтгэдэг яруу найрагч, хөгжмийн зохиолчдын бүтээлүүд багтсан. Тиймээс тоглолтынхоо тасалбарт энэ цомгоо дагалдуулж байгаа юм. “Хайрлахын жаргал” маань миний 13 жилийн хөдөлмөрөөр бүтсэн, гучин мянган төгрөгөөр борлогддог цомог л доо. Тоглолт маань Монгол бөхийн өргөөнд гуравдугаар сарын 6-ны 19 цагт болно. Өмнө нь Соёлын төв өргөө, Улсын филармони, “АСА” цирк ч юм уу, цөөн үзэгчтэй танхимуудад тоглож байлаа. “Өнө мөнх орон” тоглолт гэхэд Тусгаар тогтнолын ордонд болж байсныг санаж байгаа байх. Энэ удаад олон үзэгчдэд тоглолтоо хүргэх үүднээс Бөхийн өргөөг сонголоо. Бөхийн өргөөний хөгжмийн дуугаралт дээр гэхэд хоёр баг ажиллаж байгаа. Үндсэн зохион байгуулагчаар “B saund” продакшн, тайзны зохион байгуулалт, найруулгыг “ACE” энтертайнментийнхан хариуцаж ажиллаж байна.

25 дугаар суваг телевизийн цагаан сарын Урилга нэвтрүүлэгт Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой хамт дуулж байгаа харагдсан. Өөртэй чинь дуулъя гэж эртнээс хамтран бэлтгэв үү?

-Урьдчилан ярьж тохирсон зүйл байгаагүй. Энэ “Урилга” нэвтрүүлэгт би тав дахь удаагаа уригдсан. Ноднин би “Хун галуу” хэмээх ардын дуу дуулсан. Энэ жил “Миний ээж тэмээчин”-ээ дуулж, Ану хатныхаа монологийг уншлаа. Ц.Нямдорж гуайтай дуулна гэдгээ ер мэдээгүй. Гэхдээ Нямдорж гуай их сайхан дуулдаг гэдгийг олон хүн мэддэг юм байна лээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Гүрбазар ах гэнэт зарлаад тайзан дээр гаргасан. Тэгээд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу, ардын уран зохиолч Т.Галсангийн шүлэг “Аав ээж хоёр” минь хэмээх гайхамшигтай дууг хамтран дуулсан даа. Энэ дууг ямар ч хөгжимгүй дуулахад цаанаасаа л нэг хөгжимтэй дуулж байгаа юм шиг сайхан эгшиглэнт аялгуутай, сэтгэлд наалдацтай бүтээл шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Магвансүрэнгийн Хүрэлсүх: “Морин хуур” наадмын тэргүүн шагналыг “аминаас үнэтэй Монгол”, “Хурмастын дууч шувуу” дуугаараа хоёр удаа авсан

“Морин хуур” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом”-ын эзэн, соёлын тэргүүний ажилтан Магвансүрэнгийн Хүрэлсүхтэй уулзаж хөөрөлдлөө.


-Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам өнөөдөр болж байна. Энэ наадмын тэргүүн гран при шагналын эзнээр хоёронтаа шалгарч байсан найрагч маань энэ жил ямар бүтээл сойв доо?

-Энэ жилийн “Морин хуур”-таа хүлэг-шүлэг сойсонгүй. Оролцох санаа бол их л байлаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Насанбуян гуайтай хамтарч “Сайхан хань минь, нандин хайр минь” гэдэг дуу хийснийг миний хань, соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Солонго дуулсан байсан л даа. Үүнийг оруулъя гэж бодсон ч манай “Шөнийн худалдааны төв”-ийн “Пирамид” клуб дээр “Морин хуур” наадмын эхний шалгаруулалт болсон. Өөрийнхөө клуб дээр ийм том үйл ажиллагаа явагдаж байхад дуугаа уралдуулах нь зохисгүй юм болов уу гэж бодоод өнжсөн.

-Өнөө цагт аливаа зүйлд ичих булчирхайгүй загнасан хүмүүс л хождог болсон мэт. Таны өнждөг чинь өөрийн уран бүтээлээ хэлмэгдүүлсэн явдал бус уу?

-Яах аргагүй ашиг сонирхлын зөрчил шүү дээ.

-Та ч аргагүй л улстөрч хүн шиг хариулж байх шив. УИХ-д ч оффшор данстнууд сууж байхад таны ёсорхог татгалзал илүү ажил байж дээ?

-Би хоёр том намд гишүүнчлэлгүй. Иргэний зориг-ногоон намд тодорхой албан тушаал хашиж байсан. Намууд ер нь идэж уудаг хүнийг бэлдэх биш, Монгол Улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө тэмцэж чадах эрхэмсэг бөгөөд шударга зарчимтай хүмүүсийг бэлдэж байх ёстой. Одоо яаж байна гэхээр намд хандив өргөсөн улсаа албан тушаалд тавьдаг явдлаа таслан зогсоохгүй бол Монгол Улс маань сүйрлийн байдалд орчихлоо.

-ИЗНН-даа та ажиллаж байгаа юу?

-ИЗНН-ын хувьд залуучууддаа боломж олгож намын удирдлагын жолоог гардуулж өгсөн. УИХ-ын 2016 оны сонгуульд манай нам суудал авч чадаагүй. Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг дэмжин ажиллаж Ерөнхийлөгч болгож чадсан. Намын дарга С.Оюун, намын дэд бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга байсан бид албан тушаалуудаа залууст хүлээлгэн өгсөн.

-“Морин хуур” наадамд та ямар бүтээлээрээ шалгарч байлаа?

-Миний хувьд “Морин хуур” наадамд оролцож эхэлсэн түүх их сонин. Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Чойгивын Сангидорж ах маань миний хэдэн дууны шүлгийг аваад удаж удаж “Монгол минь ганцхан”, “Аавын ухаан”, нутгийн тухай дуу гуравт аялгуу зохиосон байсан. Сангиа ах “Монгол минь ганцхан” бол сайхан уран бүтээл болсон. “Морин хуур” наадамд сойно” гэсэн. Энэ чинь 2010 он юм. Тэгээд бид хоёр “Хүслийн бороо”, “Монгол минь ганцхан” гэсэн хоёр дууг “Морин хуур”-т сойлоо. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Төрмандахын дуулсан “Монгол минь ганцхан” дуу бараг түрүүлэх хэмжээнд яригдаж байгаад дэд байрын шагнал авсан. “Хүслийн бороо” минь шилдэг 25-д багтлаа. Би ч уран бүтээл хийх их урам зориг орсон. Сангиа ах намайг “Миний бор хүү” гэж өхөөрддөг байлаа. Дууны ая биччихлээ гээд шөнө дөлөөр ч утасдана. Бид хоёр арван нэгэн дуу хамтарч бичсэн дээ. Өр нимгэн, гайхамшигтай суут хүн байсан даа.

-Анх эхэлж улсын том наадамд урамтай сайхан уралджээ?

-Хойтон жил нь яруу найрагч Дашзэгвийн Банзрагчийн шүлэг “Сүүдэр цармын цэцэг” дуугаараа алдаршсан соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Сайнцогийн Мөнхбат надад нэг аялгуу өгч дуу захиалсан. Би дуучин хүнд зориулсан “Хурмастын дууч шувуу” гэж шүлэг бичиж өгч, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан эл дуу маань тэр жилийнхээ “Морин хуур”-ын тэргүүн байрын шагналыг авсан.

“Хайраа санан уйданхан суухад минь

Уужим хоолойгоор зүрх хөгжөөн

Энхэр тогоруу эгшиглэн хөөрнө

Эрхэс тэнгэрийг мэлмэртэл уяраана

Мөнгөн үүлсийг мэгштэл аялгуулсан

Цэн тогоруу хурмастын дууч шувуу” гэсэн үгтэй дуу л даа.

-Дараа жил нь дахиад магнайлсан бил үү?

Арван хоёр онд “Цэнгэг сэрүүн булгийнхаа уснаасаа

Сөгдөн сөгдөн суугаад залгилъя аа

Сэвшээ хонгор талынхаа салхиараа

Алдлан алдлан алхаад амьсгалъя аа” гэсэн үгтэй “Аминаас үнэтэй Монгол” шүлэгт маань ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт, төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шарав аялгуу зохиосныг ардын жүжигчин А.Долгор миний хань Солонготой хамтран дуулж гран при шагналыг авсан даа. “Морин хуур” наадам маань яг үнэндээ Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн наадам байдаг ч яруу найрагчид шүлгээ сойдог, сорьдог сайхан наадам. Сайн шүлэгтэй байж сайн дуу төрдөг, сайн дуу төрж байж дуучнаа олдог гэдэг бичигдээгүй хууль бий.

-Өөр ямар бүтээлүүд чинь шилдэгт багтан шалгарч байв?

-Солонгоогийн дуулсан Мөнхжаргалын аялгуу “Сэлэнгэ сайхан нутаг” дуу 2011 онд, Соронзонболдын ая гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгсийн дуулсан “Аялгуу минь” дуу 2012 онд тус тус шилдэг дуугаар шалгарч байлаа. Хөгжмийн зохиолч Сайнцогийн Төрбаттай хамтран хийсэн “Анд минь” хэмээх дууг дуучин Гэрэлчулуун дуулж шилдэг долоод багтаж байлаа.

-Дууны яруу найрагчийн хувьд мэргэжлийн хэмжээнд очжээ гэж хэлж болох нь. Таныг их хожуу яруу найраг бичсэн гэж сонссон юм байна?

-Одоогоос арваад жилийн өмнө миний бие их чилээрхсэн юм. Тухайн үед эмч нар “Нэг жилийн нас үлджээ” гэж оношилсон. Тэгээд яахав дээ, дотроо л “Хүн болж төрсөн юм чинь ямар нэг зүйл бүтээх учиртай байх. Нутагтаа, ээждээ нэг нэг сайхан дуу зориулж зохиолгоё” гээд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Доржготовтой хамт есөн сард Шаргалжуутын рашаан сувиллыг зорилоо. Өвчин хуучаа ч бас эмчлүүлье гээд явлаа. “Айраг ууж болохгүй, халуун рашаан хориотой, тарваганы мах идэхгүй байх” зэрэг нэлээд их хориотой зүйлсийн жагсаалттай очлоо. Гэртээ жил гаруй хугацаанд хэвтэж шаналчихсан хүн Шаргалжуут явахад сэтгэл цаанаа л нэг догдлонгуй. Тэгээд “Хэзээ үхнэ гэж өөрийгөө цэнэж гуних вэ” гээд Шартын даваанаас эхлээд намрын тос хөвсөн айраг ууж явлаа. Шаргалжуутад очоод халуун рашаанд ч орлоо. Хулгар шар ч идлээ. Доржготовтоо ээж, нутгийнхаа тухай шавайгаа ханатал ярилаа. Очоод дөрөв тав хонолоо. Доржготов маань шүлэг бичдэггүй дээ. Ер нь би энэ хүнд ойртуулж өгөх хэрэгтэй юм байна гээд шүлэг бичлээ. Үзүүллээ. Мань эр уншчихаад “Чи надаар бичүүлэлтгүй өөрөө яруу найрагч хүн байна шүү дээ” гэж урам хайрлаж, хөгжмийн зохиолчидтой танилцуулах боллоо. Бууцагаанд очоод цоргоор нэрсэн ямааны нэрмэл татлаа.

-Таны төрөлх Бууцагаан чинь идээгээрээ алдартай шүү?

-Цоргоны нэрмэл, ааруулаараа монгол даяар алдартай. Монгол архины дээж мөнгөн тагшаар татаж хэд хоноход нутагтаа, ээждээ, Шаргалжуут рашаанд зориулсан гурван ч дуутай ирсэн дээ. Хүрч ирээд танилуудтайгаа таарахад “Чиний царай зүс чинь өргөс авсан юм шиг өнгөтэй жавхаатай болж” гээд. Шинжилгээ өгтөл бүх онош эрүүл гарлаа. Үүнээс хойш л би бурхан тэнгэрийн өмнө өртэй юм шиг, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийлгүй явсан юм шиг санагдах болж шүлэг найраг бичиж эхэлсэн дээ.

-Бүтээл ч ундарч өгсөн биз?

-Зуу гаруй дууны шүлэг бичиж, “Их гүрэн”, “Нармай Монгол”, “Нүүдэл”, “Буга шүтээн” зэрэг яруу найргийн түүврүүдээ гаргалаа. Шүлэг, дууны “Зөн совин ивээж байна” гэж хос цомог гарсан. “Их гүрэн” номоо худам монгол бичгээр гаргалаа. Баянхонгор нутгаас төрсөн бичгийн их мэргэд, найрагч, зохиолчдынхоо бүтээлийг эмхэтгэн “Их Богдын эгшиглэн” хэмээх их том ботийг хэвлүүлсэн.


Categories
мэдээ цаг-үе

Сангидоржийн Саянцэцэг: Ааваараа төгөлдөр хуур заалгаж байсан тэр дүр зураг мартагдашгүй


Хөгжмийн зохиолч Ч.Сангидоржийн гэр бүл

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дэлхийд Монгол Улсынхаа нэр нүүрийг тахалдаг нэрт төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.

-Таны шавь нар Москвад болсон олон улсын наадамд амжилттай оролцоод ирлээ гэв үү?

-Өчигдөр (2018.02.06-ны мягмар гаригт ярилцав. сур) ирээд цагийн зөрүү сайн гараагүй л сууж байна. Монголынхоо ард түмэнтэй танай сониноор мэндчилж байгаадаа баяртай байна. Хүүхдүүд маань маргааш Монголын хүүхдийн ордонд тэмцээнтэй байгаа. Бид жил бүр олон улсын тэмцээнд явдаг. Испанид аж төрж байхдаа шавь нараа, Европоор авч явж, тэмцээнүүдийн эхний гурван байрыг авч байсан. Энэ амжилтыг минь үнэлж Вюска хотын дарга шилдэг уран бүтээлчийн шагнал гардуулж байлаа. Манай хот чинь Испанийн хойт зүгт Францтай хил залгаа оршдог, наян таван мянган хүн амтай, монгол нутагтай адилхан газар байдаг. Далайн уур амьсгалтай, нартай их сайхан нутаг даа. Би Москвад сургуулиа 1993 онд төгсөөд шавь бэлдэж эхэлсэн. Арван таван настайгаасаа багшийн дадлага ордог байлаа. Анхны шавь маань испани хүүхдүүд. Би Москва руу наймдугаар ангиа төгсөөд явсан. П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дунд, дээд хоёр сургуульд арван жил сурсан. Тэнд сурч байхдаа л орос хүүхдүүдэд хичээл заадаг байсан. Тэр үеийг би багшилж байсан гэж тооцдоггүй. Шавь нарт тооцох хүмүүс бол яах аргагүй миний дүү нар байгаа. Бид дөрөв чинь дөрвүүлээ Хөгжим, бүжгийн сургуулийн төгөлдөр хуурын ангид сурч байлаа. Манай аав, ээж хоёр мөн ч зоригтой улс шүү.

-Яагаад зоригтой гэж?

-Би ганц хүүгээ төгөлдөр хуурч болгож чадаагүй байхад миний аав, ээж хоёр дөрвөн хүүхдээ төгөлдөр хуурч болгож хүмүүжүүлсэн нь том зориг. Өөрсдийнхөө хамаг цагийг бидэнд зориулна. Ялангуяа ээж минь урлагт их дуртай хүн. Зураг сайхан зурдаг, бүжиглэдэг, Төв аймгийн хөгжимт драмын театрт жүжигчнээр ажиллаж байхдаа аавтай танилцсан. Ээж маань гайхамшигтай бүжиглэдэг байсан учир ардын жүжигчин, бүжиг дэглээч Сэвжид гуай ээжийг Ардын дуу, бүжгийн чуулгад бүжигчнээр авъя гээд шалгалт авахад тэнцэж байсан. Эмээгийн үгэнд ороод эмнэлгийн хүн болчихсон юм билээ. Хөгшин ээж баяд гэж явдаг байсан. Уг гарлыг нь судлаад үзэхээр Завхан аймгаас гаралтай жинхэнэ халх хүмүүс л юм байна лээ. Ээж маань өчигдөр хүртэл ахмадуудын урлагийн үзлэгийн удирдан найруулж байгаагаа ярьж байна. Аав минь их тусалдаг байсан ч таван жилийн өмнө бурхан болсон учраас нөгөө улс нь ээжийг гуйсан байгаа юм. Би багаасаа гурван дүүдээ хөөрхөн жижигхэн багш болчихдог байсан. Миний багшийн ажил тэндээс эхэлж. Миний анхны багш аав байсан учраас яг аавыгаа дуурайж тэдэндээ заадаг байлаа. Миний аав сэтгэлийн их хөдөлгөөнтэй, жинхэнэ урлагийн хүн. Маш олон ааштай. Тэр олон ааш нь хөгжмийн бүтээл туурвихад яг тэр хэвээрээ ноотонд буудаг. Би хөгжмийн зохиолч биш ч үүнийг сайн мэдэрдэг. Одоо би нас тавь гарчихлаа. Аавынхаа ааш, авьяас бүхнийг одоо л ойлгож эхэлж байна. Залуу байхад ээж ааваа бид ойлгодоггүй ш дээ. Аавын олон ааш хүнд болгонд заяагддаггүй, ойлгогддоггүй ааш. Миний ааш бас тийм. Ээж “Аавыгаа дууриасан олон ааштай” гэдэг юм. Тэр олон ааш бол муухай ааш биш настрыйнаараа амьдардаг ч гэх юм уу тийм ааш. Эхний хүүхэд сайхан ирэхэд миний ааш тэр өдрөө тийм л байдаг.

-Хөгжмийн цагаан толгойг ааваараа заалгаад тэр их ертөнц рүү орж дээ?

-Ааваараа төгөлдөр хуур заалгаж байсан тэр дүр зураг одоо ч мартагддаггүй. Гар тавьсан багш бол миний аав. Таван наснаас минь л хоёр жил надад хичээллэсэн. Социализмын үед таван наснаас сурна гэдэг өнөөгийнхтэй адил амар зүйл байгаагүй. Өнөөдөр айл болгоны хүүхэд хөгжим тоглож байна. Хөгжим, бүжгийн сургуульд долоотойдоо орсон. Миний орос багш Ляпшин гэдэг их хатуу хүн байсан. Намайг их уйлуулдаг, юмыг арван хуруу тэгш хийх дуртай. Тэр зан нь аавынхтай их тохирдог. Гэхдээ намайг хэт чангалаад байхаар аав минь их хамгаална. Ууган охин нь болохоор их хайрлана. Тиймээс хичээлд аав байнга ирж сууна. Эхний хоёр жил хамт суусан. Аавын яриагаар долоон настай охиноо өдөрт зургаан цаг суулгаж хичээл давтуулдаг байсан гэж байгаа. Тэр их чухал дэвсгэр болсон. “Хүн болох багаасаа” гэдэг үгэнд би их итгэдэг. Түүнээс арван найман нас хүрчихээд авьяас нь задарна гэдэг худлаа. Аавынхаа тэр л сургалтын аргыг би одоо шавь нартаа хэрэглэдэг.

-Аав тань анх ямар бүтээлүүд тоглуулдаг байв?

-Сансаргэрэлтэх дүү минь хожим “Зулай цагаан Алтай”-г нэмж найруулжуулгыг нь хийсэн 33 дуу байгаа. Үүний гучин хоёр ардын дууг наяад онд аав биччихсэн байсан. Энэ номыг сургалтад бага хэрэглэдэг. Эдгээр 32 дууны анхны тоглолтыг би хийсэн. Монголын радиогийн алтан санд хадгалагдаж байгааг гавьяат Буянхишиг эгч надад хэлсэн. Хааяа радиогоор явдаг гэж хүмүүс ч хэлнэ. Аавын далаад онд бичсэн төгөлдөр хуурын сонат зэрэг томоохон бүтээлүүдийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд тоглодог байсан. Харин хорин прелюдийн заримыг нь би тоглосон. Аав тэр үед дагуулаад радиод очиж бичүүлэхдээ давтуулаад тоглуулаад байдаг байсан.

-Аав чинь Баянхонгорын Богд сумын хөдөөгийн эгэл жирийн айлын хүү. Төгөлдөр хуур болоод бусад хөгжмийг яаж тэгж гайхамшигтай сурсан юм бол?

-Би аавыгаа гайхамшигт суут хүн л гэж боддог. Бид бол багаасаа хөгжим тоглож сурч байна. Аав маань ч зааж өгөөд, Зөвлөлтийн мэргэжилтэн ч зааж өгөөд их азтай. Би гэхэд ардын жүжигчин Тувааны Цолмон гээд багшдаа бурхны авралаар шавилсан байх жишээний. Хэдийгээр би бурханд итгэдэггүй ч хувь заяаны зам минь бурхны гараар зурагджээ гэж баярлаж явдаг. Хөгжим, бүжгийн дунд сургуульд ороход ч гэсэн Галицкая багш маань маш нарийн хөдөлмөр, ухааныг гайхамшигтай зааж өгсөн. Азаар би байгалиас хөгжим тоглох авьяастай байж. Аавын тухайд гайхамшигтай. Анхны мэргэжил нь бага эмч мөртлөө Багшийн сургуульд орж суралцсан байдаг. Аав ээжтэй танилцахаас өмнө аккордианыг маш чадварлаг тоглодог байсан юм билээ. Ахтайгаа хамт дуулж, хөгжимдөөд аймаг сумдаар аялан тоглолт хийдэг байж л дээ. Шүлгээ өөрөө биччихдэг, ая хийдэг, бас хошин шогийн тоглолт үзүүлдэг, зураг зурдаг маш авьяаслаг хүүхэд байж. Ээжтэй танилцах үедээ хоёулаа гайхалтай бүжигчид байсан гэж байгаа. Намайг ухаан орсон цагаас пянз, радио сонсдог айл байлаа.

-Таны хөгжимчин болох ч аргагүй гэр бүлийн гайхамшигтай орчинтой холбоотой байх нь аргагүй юм аа?

-Аав ээж хоёр радио сонсохыг зурагт үзэхээс илүү чухалчилдаг байж. Ээжид одоо болтол радио нь бий. Аав оюутан болоод төгөлдөр хуур дээр маш олон цаг сууж сонгодог зохиолыг давтдаг байж. Алма-Атыд хөгжмийн зохиолч Зундуйн Хангал гуайтай хамт сурч байхдаа олон сайхан пянз авчирдаг, түүнийгээ өөрийн уран сэтгэмжээр их тоглодог байлаа. Тэрний ачаар бид дөрвийн сонсгол багаасаа хөгжсөн. Тэр үеийн пянзнууд бол бидний биширдэг түүхэн суут хөгжмийн зохиолчдын бүтээл л байдаг байсан. Бидний хөгжимчин болох суурь маш багаас тавигдсан. Эхийн хэвлийд байхаас л хөгжмийн гайхамшигт орчинтой танилцсан. Ээж маань хүртэл үүнд нь автаж угаагдсан гэдэг. Ээж аавын бичсэн шинэ дуунуудыг бүгдийг анхлан дуулж сонсгоно. Шөнөжингөө аавын ноотны цааснуудыг татуулж зуруулдаг байлаа. Ээж аавын бүтээлийн ноотыг хуулна. Хөгшин ээж маань ууган охиныдоо амралтын өдрүүдээр ирж, иклээ татаж, бийгээ бийлнэ. Тэгээд надаар төгөлдөр хуур даруулж байснаа “Энэ муу амьтныг хар багаас нь ингэж зовоох” гээд мэлмэртэл уйлна. Хоол ундгүй суулгаад олон цагаар суулгалаа гэж санаа нь зовдог байсан шиг байгаа юм. Тэгэхэд зээ охин нь хөгжим тоглохын л бөөн дур байхгүй юу.

С.Саянцэцэг таван настайдаа…

-Та хэдэн наснаасаа гадаадад явж байв?

-Одоогийн хүүхдүүд шиг дөрөв таван наснаасаа явах тийм боломж социализмын үед байгаагүй. Хөгжим, бүжгийн сургуулийн долоодугаар ангид байхдаа дэлхийн авьяастан хүүхдүүдийн фестивальд дуучин Алтан-Уяатай Монгол Улсаа төлөөлөн Болгарын Софи хотод очиж оролцож байсан. Алтан-Уяагийн номерыг би тоглож тусгай хөтөлбөрт шилэгдэж орж байлаа. Арван дөрвөн насандаа Болгарын том Дуурийн театрт Листийг тоглож шилдэг арван номерт багтана гэдэг азтай хэрэг шүү. Тэгэхэд сонсож байсан улс нь Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургуулийн профессорууд байсан. “Энэ хүүхдийг дээд сургуульд авъя” гэж Болгарын ЭСЯ-наас хүртэл дуудаж байлаа. Т.Цолмон багш маань Москва руу явуулна гээд зөвшөөрөөгүй. Багш маань миний бурхан учраас би толгой мэдэж шийдэж чадахгүй л дээ.

-Айлын ууган хүүхдүүд ажлын ихийг үүрснээ гайхацгаадаг. Таны хувьд ямар байв?

-Намайг гэрийн ажилд огт оролцуулахгүй. Манай гурван дүү гэрийн ажлыг маш сайн хийнэ. Москвад очоод татсан мах дэлгүүрээс худалдаж аваад ямар ч давс, хольцоогүй хоол анх хийж хөглөсөн түүх надад бий. Сүүлдээ ч хоол хийж сурсан л даа. Миний хань испани хүн байдаг. Хөгжмийн анги төгссөн төгөлдөр хуурч хүн. Одоо хоол ундыг маань сайхан хийж өгнө.

-Аав чинь ер нь хэд орчим дуу, томоохон бүтээлүүд бичсэн байх юм?

-Миний мэдэхийн таван зуу гаруй дуутай. Маш олон дуу захиалгаар хийсэн. Испаниас жилдээ хоёр гурван удаа ирээд байх үед өдөр болгон л хүн орж ирээд гуйна. Хамгийн гунигтай нь барьж байгаа бэлэг нь дандаа архи. Миний аавыг хүмүүс архи уудаг байсан л гэж байна. Ер нь түүхэнд хөгжмийн зохиолчид бүгд уудаг байсан. Бетховен ч, Шуберт ч уудаг л байсан. Энэ уудаг гэдэг үгийн цаана маш олон утга байгаа. Хүн яагаад уудаг, яагаад уудаггүй юм бэ. Зарим нь эрүүл мэндээ бодож байна. Аав маань сэтгэл санаагаар их унана. Аавыг дээрээс дэмждэггүй байсан. Эх орныхоо бүхий л сайхан үзэсгэлэнт гол нуур, уул, тал хангай, говьд зориулж дуу хийсэн хүн миний ааваас өөр байхгүй. Аавын хойноос улсууд энэ талын сэдэв рүү орсон. “Зулай цагаан Алтай”, “Монгол далай” гээд үнэхээр аварга дуунууд шүү дээ. Аавынхаа сэтгэлийн энэ гунигийг би мэдэрч сэтгэлийг нь хуваалцаж, аавыгаа их өмөөрдөг байсан. Миний аав “Намайг тоосонгүй” энэ тэр гэж огт ярьдаггүй хүн ч гэсэн би тэрийг нь мэдэрдэг байлаа. Архи бариад ирж байгаа улсыг би уурлаж хүлээж авдаг байсан нь нууц биш. Дараа нь манай Баянхонгорынхон эд нар бол сайхан ааруулаа бариад ирдэг байлаа. Аав сүүлийн таван жилд сэтгэлээр их унасан. “Аав нь удахгүй үхнэ” ч гэх юм уу зөгнөөд л байдаг байсан. Аавын минь зохиолууд бол үнэхээр агуу. Тиймээс би аав, дүү хоёрынхоо зохиолуудыг амилуулах дуртай. Аавынхаа амьд ахуйд Испанид цөөхүүл хөгжимд зориулсан хөгжмийн наадамд бүтээлийг нь тоглож баярлуулж байлаа. Тэр наадам маань энэ жил есдэх жилдээ зохиогдож байна. Испанийн хөгжимчид, Английн морин хийлч, Хятадын хийлч гээд аавын бүтээлийг тоглодог гадаадын олон хөгжимчин бий. Сая Хятадын хийлч “Миний ээж тэмээчин” дууны аялгууг тоглолоо.

-Та хөгжмийн бүтээл туурвидаг уу?

-Баруун дөрвөн замын тэнд манайх байх үед эрэгтэй дүү маань л төрсөн байлаа. Тэгэхэд намайг зохиолч болгох гэж үзсэн юм. Аав надад хөгжим зохиохгүй бол хоол өгөхгүй гэж айлгаад, би уйлаад нэг юм бичсэн чинь тоглож үзээд аав ээж хоёр элгээ хөштөл инээж байсныг сайн санадаг юм. Миний хувьд “Хоол идэхгүй бол үхнэ ш дээ” л гэж бодсон хэрэг. Хурдан хоол өгчихөөсэй л гэж уйлаад байсан юм шиг байгаа юм. Манай хоёр ихрийн хувьд зохиолчийн авьяас байсан. Энэ гурав дээр чинь том болсных нь дараа туршлага хийсэн л дээ. Харин над дээр дэндүү жаахан байхад туршиж үзээд, миний аав авьяасын хувьд хатуу шалгууртай хүн шүү. (инээв. сур) Ихэрээ сайн хөгжмийн зохиолч болох байсан. Ижилээг сайн тоглогч юм байна гэж байсан юм даг.

С.Саянцэцэг бяцхан шавь нарын хамт

-Ихэрцэцэг, Ижилцэцэг дүү нар чинь юу хийж байна?

-Ихэрээ маань эгчийнхээ туршлагыг авчихсан, сайн багш Испанид ажиллаж амьдарч байна. Миний хөгжмийн сургалтын ажилд арваад жил туслаад, хичээл заагаад явж байна. Ижилцэцэг маань Нью-Йоркод гарын хэдэн шавьтай, гоо сайхны салон ажиллуулж байна. АНУ-ын “Авидо” гэдэг фирмийн сургалтад дөрвөн жил сурч дипломыг нь аваад ажиллаж байгаа.

-Сансаргэрэлтэх дүү нь бас Америкт байгаа бил үү?

-Манай Сансар чинь Вашингтонд хувийн сургалтын төвтэй, бичлэгийн студитэй, хөгжмийн зохиолоо бичээд байж байна. Дүү маань олон хообийтой. Зураг зурна. Багын л мундаг хүү байсан. Эвдэрсэн радиог хүртэл засчихна. Манай гурван дүү чинь их уран. Гурвуулаа нийлээд юухан хээхнээр ер нь байшин барьчихна шүү.

-Москвад болсон олон улсын наадамд шавь нар тань амжилттай оролцлоо гэсэн сэдвээр яриа маань эхэлсэн санагдана?

-Дөчөөд орос, арван гадаад тоглодог жижиг Рахминовын тэмцээн шүү дээ. Рахминовын нэрэмжит олон улсын төгөлдөр хуурын тэмцээн л дээ. Бид юм авч чадахгүй байх гэж бодож байсан ч шавь нараа тайзан дээр гаран гартал нь бэлдсэн. Манай Монгол Улсын консерваторийн багш нар маань сэтгэл санаагаар их дэмжиж байсанд баярлаж байна. Тоглосны дараа хоёр хүүхдээ аваад Москвагийн хамгийн алдартай танхимд өдөрт хоёр концерт үзэж байлаа. Шүүгчид нь Сөүл хотоос ирсэн багш, Испанийн нэртэй төгөлдөр хуурч, гуравдахь нь Гнессиний сургуулийн алдартай декан орос хүн байсан. Тэр гурав биднийг концерт үзэхээр явсан хойгуур “Багшид баяр хүргээрэй” гэсэн байсан. Онгоцны буудал дээр байж байтал Оросын төгөлдөр хуурч Дмитрий маань дүнг явуулсан. Доороос нь хартал тусгай байрт зургаан настай Зоригтбаатарын Амин-Эрдэнэ маань орж. Сандарсандаа Отгонбаярын Нандин-Эрдэнэ гэдэг нэрийг харж чаддаггүй ээ. Тэгтэл харин гуравдугаар байрт орсон байсан. Нийт 52 төгөлдөр хуурчаас миний хоёр бяцхан шавь улсынхаа нэрийг дуурсгаж ийм амжилт гаргасанд маш их баяртай байна даа.

Categories
булангууд мэдээ өд-бэх

О.Цэнд-Аюуш: Би долоодугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуштай хөөрөлдлөө.


-Цаст Отгонтэнгэр хайрхан, Завхан нутгаас үе үеийн сод сайхан найрагчид мэндлэх юм. Өөрөө ингэхэд яг аль сумынх билээ?

-Би Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Мөсөн багийн хүн. Хөгшин ээж, аавынхаа гар дээр өссөн. Манай хөгшин аав Арьяа гэж нутаг хошуундаа нэртэй уяач хүн байлаа. Ус ганзагалсаар байгаад хоёр бөөр нь цоорч, цагаан үс ургаж олойртсон морийг хүртэл уяад наадмын түрүү авч байсан мундаг хүн байсан. Хөгшин ээж минь Жаргал гэж буурай ная гарчихсан нутагтаа сууж байна. Сүүлийн үед манай нутгийг хүмүүс Улаагчны хар нуур, Бор хярын элсэн манхан, Мухартын голоор нь сайн мэддэг болсон.

-Бага насандаа хаана дэрвэж өсөв?

-Ээж минь намайг нэг ойтой байхад хөдөө орхиод сургуульд явсан. Би тэрнээс хойш нутагтаа л өсч, өндийсөн дөө. Арван хоёр нас хүртэл нагац ах нар минь намайг ёстой л ардаа үүрч, урдаа дүүрч байснаа түүнээс хойш эмнэг дааганд мордуулаад тавьчихдаг болсон. (Инээв.сур) Эхлээд айна, уйлна, амаа мэдэхгүй дааганыхаа эрхэнд орно, унана. Дараа нь хашрааж сурсан. Манайх өвөлдөө нам дор, зундаа уулын хяраар нутаглана. Хярыг Нахиу ч гэж нэрлэнэ. Гоё нэрүүд шүү. Хяр, Нахиу гэж. Өглөөний сэнгэнэсэн агаарыг цээж дүүрэн амьсгалаад тэртээ баруун хойгуур цэлийх Их Монгол элсний тэндээс борооны хөх үүл газар тэнгэртэй нийлэн айсуйг ажиглаад, гүү морь унаад явж байх хичнээн сайхан гээ. Гүү морь гэснээс зуны цагт хур хүчтэй, хурдан түргэн морь унана гэж байхгүй. Нэг бол хусран гүү, нэг бол амаа мэдэхгүй даага, шүдлэнтэй шогшино. Бодоод байх нь ээ энэ том хүмүүжил байжээ.

-Хөдөөгийн хүүхэд хэдийнээс шүлэг найрагт шимтэв дээ?

-Ах нараас хожим оо. Номын ах нар минь эрт бичиж, эрт уншиж эхэлсэн байдаг юм билээ. Долоодугаар ангид байхдаа л оролдож эхэлсэн. Манай монгол хэл, уран зохиолын багш Балт гэж сайхан хүн байлаа. Тэр сайхан хүнд би үүрд талархаж явах ёстой. Надад ийм сайхан замыг нээж өгч, уран зохиол руу гараас минь хөтлөөд явсан. Багш минь бас надад түшиг тулгуур болж явсан буянтай хүн байсан. Одоо тэнгэрт морилсон. Гэвч эргээд ирсэн байх гэж би боддог.

-Өөрөө ингэхэд Р.Чойномын, Б.Явуухулангийн, Д.Пүрэвдоржийн гээд томоохон наадмуудад одтой уншиж түрүүлж байна. Ер нь хэдэн наадмын түрүүг авчихав аа?

-Наадамд яахав ээ. Хүмүүс янз янзаар л ярьдаг. Яагаад байж болохгүй юм бэ. Яагаад уралдаж болохгүй юм бэ. Наадамд уралдсанаараа хэн ч биш болчихно гэж ярих л юм билээ. Наадамд уралдаад хэн ч биш болсон хүн би мэдэхгүй. Ер нь хэн ч биш болно гэсэн чинь юу гэсэн үг вэ. Тийм үү. Тэдэн наадамд тэгж уралдсан гэж яриад яах вэ. Тоогүй сонсогдоно шүү дээ.

-“Болор цом” яруу найргийн наадамд миний мэдэхээр арваад удаа шагналт байрт орчихов уу. Лав л нэгэнтээ “Хасар, Басар хоёр үзүүр түрүүнд үлдэв” гэж бичиж байсан санагдах юм?

-Сэтгүүлч Гангаа ах тэгж бичиж байсан. “Болор цом” сайхан наадам. Д.Нямсүрэн, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, П.Бадарч, Д.Урианхай нарын аваргуудын, их найрагчдын тоосоо өргөж явсан торгон дэвжээ шүү дээ. Энэ торгон дэвжээн дээр уралдаж байгаадаа баяртай байдаг шүү.

-Аль сургуулийг хэдэн онд төгсөв?

-Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ширсэдийн Цэнд-Аюуш захирлын Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуулийг төгссөн. Манай сургуулийг хүмүүс мэднэ. Сайхан яруу найрагчид, сайн сэтгүүлчид төрөн гарсан оюуны өргөө. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа багш минь биднийг тэр сайхан сургуульд тосч авсан. Ш.Дулмаа багш гайхамшигтай их хүмүүн.

-Айлын хэд дэх хүү вэ дээ?

-Айлын том нь доо. Дороо ганц эмэгтэй дүүтэй.

-Саяхан болсон төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, Зундуйн Дорж нарын нэрэмжит арван сая төгрөгийн бооцоотой наадамд түрүүллээ. Сэтгэгдлээ хуваалцаач!

-Сайхан наадам болсон. Хөөрч дэврээгүй ээ. Би түрүүлсэн нь чухал биш. Харин уран зохиолыг үнэлэх үнэлэмж сэргэж байгаад их баяртай байна. Энэ наадам дараа дараагийн жилүүдэд улам илүү өргөн цар хүрээнд, өндөр шагналын сантай зохион байгуулагдана гэсэн сураг дуулдана лээ. Энэ жил төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж хэмээх хоёр их найрагчийн нэрэмжит болсон бол ирэх жил Дорнын их яруу найрагч Б.Явуухулан, Д.Нямсүрэн нарын нэрэмжит болж зохиогдох юм билээ. Сайхан үйлс бүтээж яваа “Сод Монгол” группийнханд болон хамтран зохион байгуулагчдад нь баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсэе.

-Өөрөө одоо хаана ажиллаж байна даа?

-Монголын радиогийн “Шинэ эрин” радио станц буюу нийгмийн нэвтрүүлгийн албанд ажиллаж байна. Манайхыг “Бага зохиолчдын хороо” гэж ч ярьдаг. Үнэхээр тийм. Манай албанаас соёлын гавьяат зүтгэлтэн, “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан, нэрт сэтгүүлч, яруу найрагч Базарын Цэдэндамба, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Пүрэвжавын Баярсайхан, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр гээд олон сайн зохиолчид, яруу найрагчид төрөн гарсан түүхтэй.

-Яруу найргаас өөр төрлөөр бүтээл туурвил хийж байна уу?

-Уншиж л байна. Янз бүрийн оролдлого хийж үзэж байна. Гэхдээ амар, хялбар юм гэж хаа байх вэ. Богино өгүүллэг гэж маш гоё төрөл байна. Хүний хорхой хүргэсэн төрөл. Даанч түүнийг бичнэ гэдэг хэрийн аавын хүүгийн хийж чаддаг ажил биш бололтой юм. Тууж гэж бас гоё төрөл байна. Бас л бяр шаардах ажил. Роман, жүжигтэй юу ярих вэ. Гэхдээ өөрийгөө голохгүй шүү.

-Нийгэм цаг үеийн байдал ямар байна вэ. Хүндэлдэг улс төрч бий юу?

-Ойлгомжтой байна. Болж байна, бүтэж байна гэж би худлаа ярихгүй. Тэгж хүний дургүй хүргэхгүй. Ер минийхээр бол шударга байдал их чухал юм уу даа. Манай улс жар гаруй сая малтай, нэг сая 500 км квадрат газар нутагтай. Хөрсөн дороо асар их баялагтай, түүнээс ч илүү баялаг монгол хүний сэтгэл дотор байна. Тэгсэн атлаа дөнгөж гурван сая гаруйхан хүн амтай. Ингээд бодохоор л нэг хачин байгаад байгаа юм даа. Яавч ядуу дорой байх боломжгүй. Онгирч, дэвэрч, сагсуурч явахаас илүүтэй гудамжинд өмнөө хайрцаг тавьчихаад дуулж суугаа хүүхэд, насны асарт гарчихсан эмээ, өвөө нар жин дээр минь хэн зогсох бол гэж нүдээрээ горьдож, харуулдаад гудамжны хүйтэн чулуун шалан дээр сууж байхыг үзээд сэтгэл өвддөг. Ийм байхад болж байна, бүтэж байна гэж ярих утгагүй ш дээ. Би болж байвал болоо гэсэн муухай үзэлтэй байж яаж болно. Монгол хүн байна даа энэ чинь гэж нэг гоё байна. Энэ үгийг би ойлгохдоо монгол хүн хамгийн сайхан сэтгэлтэй гэсэн утгатай байх гэж боддог. Хүндэлж явдаг улс төрчийн хувьд харамсалтай нь байхгүй. Хүндлэл хүлээх хэмжээнд байгаа эх оронч байна уу, гэвэл хэцүү байх. Хэн нэгэн эрх мэдэлтэн надад тэгээд хэлчихвэл тэгж тусалж мэднэ, ингэж магадгүй гэсэн бодол ч алга. Хааяа номын хуудаснаас аугаа их Агданбуугийн Амар, Балингийн Цэрэндорж, Манлай баатар Дамдинсүрэн, Харчин гүн Бавуужав, маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын их хүмүүсийн тухай олж уншаад тэднийг өөрийн эрхгүй хүндэтгэж хайрлах сэтгэл төрдөг шүү. Харин хожим энэ үеийг удирдаж байгаа хүмүүсээс сая дурьдсан халуун эх орончид шиг хойч ирээдүйдээ дуурсагдах хүмүүс хэд байх юм бол доо, мэдэхгүй. Хэтэрхий том юм ярьж байж мэднэ. Гэхдээ би энэ улсын иргэний хувьд л бодсоноо хэлчихлээ. Энэ бол жирийн л иргэн хүний бодол шүү дээ.

-Жаахан хүндхэн сэдвээр ярьчихлаа. Ярилцлагаа сайн, сайхнаар төгсгөвөл ямар вэ?

-Тэгэлгүй яахав. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ойртож байна. Монгол түмнийг минь нохой жил ивээж, өгөөж хишиг буянаа өгөх болтугай. Хилийн цаана хувь заяаны эрхээр үлдсэн Өмнөдмонгол, Халимаг, Шинжааны Ойрад, Буриад, Дээд Монголчууд маань ч гэсэн сайн, сайхан байгаасай билээ.

НУТАГ

Манай нутгийн шувууд

Манан зүсээд нисэлдэж байна

Жаахан жаахан үрсийнх нь далавч

Жагарын орноо орхиод

Хорвоо шиг хоосон манантай

Холилдоод нисч байна

Зунжин тэднийг бөөцийлсөн өндөгний

Зулай шиг эмзэг хальс

Эндэж хагалсан дун шиг

Эвлүүлж болохгүй үзэгдэж байна

Аварга том бүргэдүүд дотроос нь

Амилж ниссэн тэр жижигхэн дэлхийнүүдийг

Амьсгал шиг зөөлөн салхи

Амьдралын альхан зүгт хийсгэх юм бол доо

Хөөрхий

Манай нутгийн буга, согоо

Манан зүсээд зогсож байна

Үрт амьтдын янзага нь

Үнэг чоныг мэдэхгүй

Орчлон шиг оргүй манан дотор

Оч шиг дулаахан унтаж байна

Хавар зуны зургаан сард

Хаданд үрж хурцалсан

Зун намрын зургаан сард

Зулзага янзагаа өмгөөлсөн

Сэргэр тэр сайхан амьтны эвэр

Сэтгэл эвдэртэл сэм унахад

Халиун магнайгаараа манай нутгийн буганууд

Харанхуйтай яаж мөргөлдөх юм бол доо хөөрхий

Манай нутгийн азарга, морьд

Манан дотор янцгаалдаж байна

Цагаан сүүндээ цадсан унаганууд нь

Цагийн хатууг санахгүй

Сүүлээ өргөлдөөд

Сүүдрээсээ үргэлдээд байна

Нүгэлтэй ноцолдсон олон сорвитой

Нүд рүүгээ унжсан хур дэлтэй

Манай нутгийн азарга, морьд

Чимээгүйн дундаас айдас хүйдсийг

Чихээрээ яаж олоод

Олон эмтэлсэн туурайгаараа

Онож тангарах юм бол доо хөөрхий

Манай нутгийн хөх чононууд

Манан дотор улилдаж байна

Цасан дээр мөр үлддэгийг мэдэхгүй

Цагаахан бэлтрэгнүүд нь

Уулын агуйд хэвтэх эхийнхээ

Улаан сарьсан хөхийг дэрлээд унтаж байна

Анхны цасны араас

Авын бүрээ татаж

Гөрөөчид суран ташуураараа

Гөлөмдсөөр хүрч ирэхэд

Зэвтэй сумтай зэрэгцсэн

Манай нутгийн чононууд

Зээртэй хөндийн дундуур зугтахдаа

Сөрөвгөр бэлтрэгээ зуусаар

Сөхөрч унавал яана даа хөөрхий

Манай нутгийн өвгөд, эмгэд

Манан дотор аж төрж байна

Үрийнхээ үрийг үүрсэн эмгэн

Үндсэн дээгүүр алхаж

Хүүгийнхээ хүүг дүүрсэн өвгөн

Хүн чанарыг өвөртөлж

Бурханд хоёулаа мөргөсөөр

Бууралтаж байна

Өнө хожмоо

Өвөөгөө санасан хүү яаж өнчирч

Эмээгээ санасан охин

Яаж эмтэрнэ дээ хөөрхий

Манай нутаг хөөрхий

Categories
мэдээ цаг-үе

Рагчаагийн Батжаргал: Ш.Сүрэнжав багш “Гарьд магнай”-гийн “Ээ, Чойрын богд минь” үгийг миний гурван дугуйт шаахайнаас унахдаа олсон

Яруу найрагч Д.Урианхайн хамт

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Рагчаагийн Батжаргалтай хөөрөлдлөө. Говьсүмбэр, Чойр гэхээр утга зохиолын хүрээнийхэн “Аа, манай Батжаргал ахын нутаг” гэцгээдэг. Энэ хүн тэр л нутгийн эд эс, нэр төр болтлоо тэнд ээнэгшин идээшжээ.


-Таныг Говьсүмбэрийн уугуул гэж ярих хүн олширч. Та яг хаанахын хүн билээ?

-Би Дундговь аймгийн Дэрэн сумын хүн. Дэрэн сум гэхээр та нар яруу найрагч Цэндийн Чимэддорж, Зууны манлай уртын дууч Норовбанзад гуай нарын нутаг гэж сайн мэднэ дээ. Намайг сурагч байхад Дэрэн сумын төв гэж гуравхан байшин, гучаад айл л байдаг суурин байлаа.

-Танай Дэрэн сумаас өөр зохиолчид олон төрсөн үү?

-М.Жавган гэж мундаг зохиолч байлаа. Саяхан Заяатын Ядмаа зохиолч энэ хүний тухай тодорхой дурссан байсан даа.

-“Болор цом”-ын хошой шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Цэндийн Чимэддоржийг та багаас нь таних уу?

-Дэрэнгийн наадам гэж дэлхий донслом сайхан юм болно. Манай хонхрынхон наадамд очоод сумын зүүн хойдтой Дэрсэнэ усанд бууна. Тэгшийнхэн манай майхнаас жаахан урдуур Сэрүүн дэнжид бууцгаана. Бид Тэгшийн хүүхдүүдээс жаахан цэрвэцгээнэ. Тэдний дунд охин шиг урт гэзэгтэй оворжуу царай, хянган хамартай, хөдөлгөөн нь чавхны чулуу шиг гялба шалба хийсэн хөх хүү байсан нь Цэндийн Чимэддорж минь байлаа. Чимэддорж арав гаруй хүүхдийг тонгорох, дэгээ ороох, суйлах мэхээр дараалан давахыг хараад энэ лав бөх болох байх гэж бодож байж билээ. Их шөрмөстэй хүү байсан. Тэгэхдээ Чимээ минь Монголын их яруу найргийн далай даян дархан аварга болсон доо.

-Хожим Чимээтэйгээ аль хэр ойр байв?

-Би насаараа Дорноговь аймгийн Сүмбэр сумын хичээлийн эрхлэгчээр ажилласан хүн. Нэг өглөө хичээлээ оруулчихаад сургуулийн үүдэнд зогсож байтал хоёр хүн ирж явна. Тэгтэл Цэндийн Чимэддорж, шог зохиолч Шагдайн Цэнд-Аюуш хоёр араас намайг сурагласаар орж ирдэг юм. Төвөөс ирэх зохиолч нүдний гэм, намайг сураглаж ирэх нь гайхалтай санагдсаныг яана, миний баярласан гэдэг учиргүй. Тэр өдөр өнөөх хоёртойгоо уран бүтээл ярьж ёстой нэг жаргаж өнжиж билээ. Сүүлд намайг хотод нэгэнтээ ирэхэд Чимэддорж олзуурхан, бас далим эрээ биз Барнангийн Доржпалам, Цэрэнтулгын Түмэнбаяр нарыг дуудан шүлэг зохиолоо уншицгаан мөн ч сайхан байж билээ.

-Таны багш хэн билээ?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж шүү дээ. Намайг олны дунд шүлгээ унш гэж их ичээнэ. Бас анхны шүлгийг Цэгмидийн Гайтав гэж аваргад өгүүлж “Яргуй” сэтгүүлд хэвлүүлж байлаа.

-Утга зохиолын ахмадуудыг та сайн мэднэ биз?

-Далантайн Тарва гэж мундаг хүн байлаа. Задгай талбайд хүмүүс суулгачихаад шүлгээ унших нь заан тонгочоод байх шиг санагдана. “Пискарёвын булшнаас олдсон найраглал гэж бүхэл бүтэн ном байхаар урт найраглалыг хоёр гараа зэрэг дохиод цээжээрээ дуржигнуулж гарна даа. Хүмүүсийн алга ташилт үерийн ус шиг асгарна. Энэ найраглал нь нэгэн үе дунд сургуулийн сурах бичигт хүртэл орж байсан даа.

-Мөнгөн үеийнхнээс сэтгэлд тань үлдсэн уран бүтээлч хэн байна?

-Зохиолчдын хороон дээр Дэндэвийн Пүрэвдоржийн танхим гэж яруу найргийн дэг сургууль наян зургаан оны хавьд хичээллэдэг байв. Нэг өдөр О.Дашбалбар сэвэлзтэл алхлан нэг жаалхан хөвүүнийг дагуулан орж ирээд бидний яриаг тасдан омголон морь шиг дүүхэлзсэнээ “Алив, Болд-Эрдэнэ шүлгээ унш” гэж шууд тулган оч шиг харцаар цоргиход

“Эргэшгүй алдсан он жилүүдээс зэм ухаарч

Энэ замд холыг зорихоор олмоо чангалнам”,

“Зуны шөнийн зүүдээ томж ганцхан шүлэг биччихээд

Зуун жилийн цаана намайг хүлээх нэг л хүнд бэлэглэх сэн” гэсэн шүлгээ уншсан сан. Үүнээс хойш би Жамьянгийн Болд-Эрдэнэ гэдэг хүүгийн нэр зүс хоёрыг би хэзээ ч мартахааргүй тогтоож авсан сан. “Гоо марал” нэртэй түүвэр нь хэвлэгдсэнээс хойш Чойрт Батцоожийн Баярцэнгэлийн хамт манайд ирж л байсан шүү.

-Шаравын Сүрэнжав аварга та хоёр их ойр байсан гэж сонссон юм байна?

-Сүрэнжав багш манайд ирнэ ээ ирнэ. Би нэг шаахайт хэмээх гурван дугуйттай байлаа. Багш ирж гурав хоног талаараа хэвтсэний хойно би агаар салхинд гаргалаа. Бид хоёр Хүрээ ногоон гэх жижигхэн бүрдийн хойд энгэрт байгаа Цэдэн-Ишийн гэдэг айлд очлоо. Айлын хаяанд очоод багш маань гурван дугуйтаас буух гэж бараг л өнхрөөд уналаа. Би ч сандраад түшээд авах гэтэл “Ээ, Чойрын богд минь” гэж Чойрын богд уулын зүг мөргөж байна.

-Наадахь чинь нэг л сонссон юм шиг ойрхон үг санагдаад явчих чив ээ?

-Энэ үгийг сонсолгүй яах вэ. Ш.Сүрэнжав багшийн “Гарьд магнай” кинон дээр Ядам өвгөн тэмээгээ алдчихаад “Ээ, Чойрын богд минь” гэж байдаггүй юу. Уран бүтээлч хүн суусан газраасаа шороо атгана гэдэг шиг унасан газраасаа хүртэл үг атгадгийн жишээ энэ дээ. Манайхаар зохиолч Лувсангийн Одончимэд бас их ирдэг байлаа.

-Танай Чойрын утга зохиолын нэгдлийнхэн ч бас л авьяастай нөхөд байдаг даа?

-Манай утга зохиолын нэгдлийг Ш.Батнасан, Б.Бат-Өлзий, Ду.Батмэнд, М.Батбаясгалан, Б.Энхтөр нарын олон сайхан авьяастан удирдлаа. Бямбадоржийн Мөнх-Өлзий гэж яруу найрагч, зураач сайхан авьяастан бий. Манай энэ Говь-Сүмбэр аймгийн цагаан хаалыг хийсэн гэхээр явсан замын жолооч нар ч андахгүй байх. Загвсүрэнгийн Билэгбаяр гэж сайхан яруу найрагч охин бий. Өвгөн би эднээрээ би бахархана аа.

-Та чинь соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч, дууны шүлэгч Шагдарсүрэнгийн Гүрбазарын багш нь гэл үү?

– УБДС-ийн Монгол хэлний ангийг 1970 онд төгсөөд тэр үеийнхний хэллэгээр эх орны дуудлагаар Дорноговь аймагт хөөгдөв. Дундговь зүглэх санаа байвч сачий хүрдэггүй нэг өдөр галт тэргээр галгиулаад буучихдаг байгаа. Аз болж аймгийн төвийн 10 жилийн сургуульд багшаар очлоо. Надад 8а гэдэг анги даалгалаа. Манай ангийнхан шинэ багшдаа сайн гэж яриангүй. Тэр дундаас Гүрбазар гэж эгэлхэн бор хүү хэл үг хурц, уран зохиолд сонирхол ихийн тул надад бүр таалагдлаа. Ангийн алив ажлыг Гүрээ л амжуулна. Ингэж би туслахтай боллоо. Гүрээгийн ангид авьяаслаг хүүхдүүд олон. Гүрээ шог хошин зүйл ярьж, гитар тоглож, шүлэг уншиж үзэгчдийг хормын зуур бүрэн эзэлдэг байлаа. “Мөнгөн чавхдас” гэж утсан хөгжмийн чуулга байгуулчихсан. “Үүлэн дундаа жигүүртэн бойжоод

Алтан говио туулах учиртай

Үзэсгэлэнт танхимаа эрдмээр чимж

Аавын хөвгүүд дуулах учиртай” гээд дуулцгаана. Энэ чуулга өөрийн гэсэн олон дуутай байсан юм шүү. Ш.Гүрбазар их хөдөлмөрч хүн. Тэмдэглэл их хөтөлнө. Сүүлд ярилцлага өгөхдөө “Намайг Р.Батжаргал багш минь уран зохиолд хөтөлсөн” гэж олон ч удаа ярьсанд өчүүхэн би одоо ч баярлаж явдаг. Тэр хүн намайг багшаа гэж бодож яваа нь мөн ч сайхан юм даа. Хожим намайг өөрийнхөө багш Бавуугийн Лхагвасүрэнтэй танилцуулна гэж мөн ч их гүйсэн дээ. Шавьдаа би баярлаж л явдаг юм.

-Таны шавь гэвэл хэн байна?

-Надад хадаг барьж ирсэн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч яруу найрагч Пүрэвийн Бөхбат гэж сайхан авьяастан би. Би энэ шавиа хаана ч агуу зохиолч байсан л гэж хэлнэ. Даанч, нас нь дэндүү залуу энэ хорвоогоос буцчихлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Заяатын Ядмаа: Зохиолчдын маань инээд наргиан бичигдэж үлддэг байсан бол мөн ч сайхан архив байх сан

Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэнгийн хамт. 1979 он. Хонгорын элс

Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд”-ийн шагналт зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай уулзаж хөөрөлдлөө.


-Пүрэвдорж найрагчийн талаар хөөрөх зүйл ихтэй л хүн юм аа, та?

-Би багшийгаа монгол яруу найргийн Их хаадын нэг мөнөөс мөн гэж боддог. 2006 онд байна уу даа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар багштаны байр орчмын гараашуудыг ачихыг нь ачиж, буулгахыг нь буулгаж эхэлж. Багш даргын өрөөнд заларч номоо бэлэглэх завсраа нэгэн зурвас атгуулсан байгаа юм. Тэр зурваст “Үхсэн хойноо би Алтан-Өлгийгөөс газар гуйхгүй. Амьддаа би алгын чинээ газраа хэнд ч өгөхгүй ээ. Эрлэгийн элч над руу ирж яваа. Эрхэм дарга та хүлцэж хайрла. Зургадугаар хорооны зуурдын иргэн Пүрэвдорж” гэж. Үүнийг уншсан дарга машиных нь гараашийг буулгалгүй үлдээсэн гэдэг сэн. Нэгэнтээ хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын найранд уригдахдаа номоо хадагтай өргөхдөө “Халхын хавтгай дээр

Хаа сайгүй бэлчиж яваа

Хариулга байхгүй

Халзан цагаан хоньдоос нэгийг аваарай” гэхэд найрынхан хөхрөлдөж тэндээс нэг нөхөр “Арвайхээрийн хөгшин хулгайч залуу хулгайчдаа юм зааж өгч байхыг нь хараач” гэж улам хөгжилдсөн гэдэг. Багштаныг мэнд ахуйд “Тэнгэрлиг найрагч” хэмээх томоохон номыг ганцхан сарын дотор бэлдэн хэвлэж Д.Төрбат, Х.Зандраабайдий гурвуул дээжийг нь гэрт нь хүргэж өглөө. Багштан үүнд ёстой нэг гайхах, баярлах хоёр зэрэгцэж билээ.

-Зохиолч С.Дашдооров гуай та хоёр чинь яах аргагүй нэг довны хоёр доо?

-Тэр их аваргын нэрийг сонсох тоолон Дэлгэрхангай хэмээх жижигхэн мөртлөө том хөх хайрхны дүр зураг нүднээ тодорч судаг жалгынх нь цэцэг ногоо үнэртэх мэт болж нутаг минь санагддаг. Дооров Зохиолчдын хороонд ажиллаж байхдаа умгар жижиг өрөөндөө олон зохиолч шавуулчихсан гэргий Итгэлийнхээ Англиас авчирч өгсөн гоёмсог модон гаансанд “Нептун” тамхи нэрсэн шиг инээд наргиа цалгиулж суух нь бас л энгийн бөгөөд их том харагддаг сан. Дооров хүнийг шоолох наргих гэж ёстой нохойтож өгнө.Тэр нь бараг л өөрийнх нь хообий гэхэд хилсдэхгүй.

-За, яаж нохойтохов?

-Өө, тэр чинь хуван шигтгээ гэмээр жижигхэн шар шүд гарган ёжтой нь аргагүй хүд хүд инээн “Инхүүлээд, тэнхүүлээд, юу яагаад” гэсэн сул үгийг бараг үг болгоныхоо завсар чигжээлж ярихдаа их гаажтай. Би түүнтэй нэг нутаг ус гэж бахархахын чацуу зүйдэл таарахгүй ч суудал таарч явсан минь олонтаа. Яруу найрагч П.Бадарч армийн яруу найргийн тэргүүн шагнал сэлмээр шагнуулаад Дооров, Долгорын Нямаа бид гурвыг гэртээ урилаа. Сэлэмний найр ч оройтож тарлаа. Маргааш нь хар өглөөгүүр Дооров утасдаад “Та хоёрын өчигдрийн явдлын тухай цаагуур чинь нэг иймэрхүү юм гарсан байна” гээд

“Нямаа, Ядмаа хоёр

Айлд уригдахаар болжээ

Айлд уригдаж очоод

Архи уухаар болжээ

Нямбай зантай Нямаа

Яанаа гэж сүрджээ

Ня-Бо албатай Ядмаа

Яадгийм гээд дайрчээ

Уусаар байгаад Нямаа

Суудал дээрээ унтжээ

Туусаар байгаад Ядмаа

Сууц өргөөндөө харьжээ” гэсэн байна гээд хэг хэг инээж байгаа юм. Айлд адилхан уригдаж архи уучихаад мөн ч амжуулдаг толгой шүү. Бас нэг удаа нэг зохиолчтой утсаар ярьсан байгаа юм.

-Бас л нохойтож уу?

-Баян-Өлгийгөөс ирсэн тэр байна гэж хасаг аялгуугаар ярихдаа “Таны зохиол манайд казах хэлээр гарлаа. Та Зохиолчдын хороон дээр ирж шагналаа аваарай” гэж ярьсан байгаа юм. Нөгөөх нь яарч ирээд хасаг зохиолч хайгаад байдаг. Золигийнх нь хасаг зохиолч байхав дээ. Манай П.Бадарч гэнэндүү зангаасаа болж Дооровтоо хоёр сайн чадуулснаа хуучилдаг сан.

-Хоёр удаа яаж чадуулсан юм бол?

-Бадарч нэг өдөр Зохиолчдын хорооны цайны газар ортол Дооров, Д.Нямаа, Д.Төрбат нар нэг монхойсон нөхөртэй хооллож байх юм гэнэ. Дооров Бадарчид хандан “Чи энэ хүнтэй танилц. Буриадын Зохиолчдын хорооны орлогч дарга Борис Хянганов гэдэг хүн. Албан тушаалын хувьд ч чиний л зиндааны хүн юм байна” гэж дээ. Нөгөө хүн нь нэг их юм ярихгүй юм гэнэ. Бадарч ч үнэмшиж гайгүй хэдэн төгрөгөөрөө дайлж, маргааш нь Хянгановыг өрөөндөө хүлээж авахаар тохироод л сүйд болж. Өглөө нь Бадарч жигтэйхэн гочихсон хүн “Гадаадын хүн хүлээж авна” гээд лонх юм бэлдээд, чихэр жимс болоод бөөн л хөл болохгүй юу. Тэгтэл Дооров ороод ирж. Нөгөө нөхөр ирдэггүй шүү гэтэл Дооров нэг муу инээмсэглэхчээ аядаад “Юуных нь Буриадын Зохиолчдын орлогч дарга байхав дээ, Бадарч минь. Завханых ч гэл үү, жолооч нөхөр байхгүй юу” гээд “За тэр яахав. Дотор муу байна. Наадахаа задал задал” гэсэн гэж байгаа.

Ардын уран зохиолч Д.Цоодолын хамт. 2013 он

-Саяхан Зохиолчдын эвлэлийн баярын өдөр Санжийн Пүрэв баавай минь бурхан болж дэндүү их харамслыг нөхдөдөө үлдээлээ шүү?

-Хэлээд яах вэ хө. Хасбаатарын Мэргэн дүүг бурхан болоход их харамсаж очиж яваад тийм юм болж. Хоёулаа л хороонд ажиллаж байсан улс. Боодгийн чулуу шиг гялалзсан бор залуутай жараад оны сүүлээр Даланзадгадад танилцсан минь Санжийн Пүрэв байсан. Бичгийн цаасыг дундуур нь хувааж дэвтэрлээд гаргацтай сайхан бичгээр бүтээлээ туурвиж суухыг нь олонтаа харж байлаа. Пүрэв бидний хувьд нөхдөө шоолж наргихдаа үзэл нийлж, үг нийтгэж байсныг алийг хэлж барахав. Залуудаа хөлбөмбөгийн бөөн хорхойтон төдийгүй улсын нэгдүгээр зэргийн тамирчин байсан хүн шүү. Мань эр зохиолчийнхоо зэрэгцээ мундаг гэрэл зурагчин шүү дээ. Зохиолчдын зургийн бүхэл бүтэн архивтай болсон байсан. Муу нөхөр минь хүнийг шоолж егөөдөхдөө мөн ч уран шооч хүн дээ. Пүрэвийнхээр зохиолч Урианхай, Ч.Нацагдорж хоёр айл саахалт явдаг хоньчин байх юм гэнэ. Нэг өдөр хонио нийлүүлчихэж. Урианхай нь “Найз аа, хонио ялгах гээд төвөг удаад яах вэ хө. Дундуур нь адилхан хуваагаад авчихъя” гэхэд Нацагдорж “Тэгж ярихгүй шүү, нөхөр минь” гэснээ өөрийнхөө хонийг нэг бүрчлэн тэмдэглэсэн өнгөт гэрэл зураг гаргаад ирсэн гэнэ гээд наргиа ярина. Энэ хоёр зохиолчийн араншинг яг л нүдэнд харагдтал шоолсон байдаг юм. Санжийн Пүрэвийг нэг зохиолчтой хамт Зохиолчдын хороо руу орж иртэл зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэн дээд өрөөний нэгэнд “Ээ, новш оо” гэх сонстов гэнэ. Нөгөө зохиолч “Энэ юу болж байна” гэтэл “Пүрэвсүрэн маань шатар тоглоод нэг бод алдах шиг боллоо” гэжээ. Хоёр давхарт гараад иртэл Пүрэвсүрэн дахиад л “Ээ новш оо” гэж гэнэ. “За энэ яаж байгаа юм бол” гэтэл Пүрэв “Яах вэ, цаадах чинь дахиад нэг бод алдлаа” гэж. Гурван давхарт гараад иртэл Пүрэвсүрэн улам чанга уулга алдаж. “Энэ юу болов” гэтэл Пүрэв “Яах вэ, Пүрэвсүрэн маань хожигдчих шиг боллоо” гээд инээсэн байгаа юм. Найз маань сүүлийн үед энэ цахим хуудсаар утга, уянгын сайхан ухааралтай зүйлсээ тавьсаар, олон ч хүнд баяр жаргалтай гэгээн сайхныг бэлэглэсээр буцлаа даа.

-Та Монголын зохиолчдын хороонд олон жил нягтлангаар ажилласан биз?

-Монголын зохиолчдын хороонд гучин таван жил ажилласан, Монгол Улсад дөчин таван жил дөчин таван хоног ажилласан гэж ам цаасанд барлуулж, албан тамгаар баталгаажуулсан байх юм. Шүлэг голдуу арван ном хэвлүүлж, тоо голдуу зуун мянган баримт шалгуулсан хүн дээ. Яахав, буруу амаар хов зөөсөнгүй, булхайн замаар мөнгө тээсэнгүй. Шударга байлаа гээд хожсонгүй, шуналгүй байлаа гээд хохирсонгүй шив дээ. Олны нүдэнд танигдах гэж түмний урдуур гүйсэнгүй. Оноосон үүргээс бултаж хүний хойгуур суусангүй дээ. Далаад оны үед Зохиолчдын хороонд хамгийн залуу нь би байсан болохоор баярын үеэр хариуцлагатай жижүүрт Ядам, байшингаа туг лоозонгоор чимэглэхэд Ядам, баярын жагсаалд туг далбаа барихад Ядам, хог цэвэрлэж ачуулахад Ядам байлаа. Хүний бага нь юм чинь гүйх юманд гүйлгүй яахав. Харин би ам бардам хэлэхэд нэг ч зохиолчийн архинд гүйж байсан удаа ганц ч байдаггүй юм. Наяад онд Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгссөн Н.Энхбаяр, Х.Мэргэн, Б.Нарантуяа, Л.Нарангэрэл нар хороонд ажиллах болсноор ойр зуурын ажилд дайчлагдах нь гайгүй болж билээ. (инээв. сурв)

-Гуч гаруй жилийн хугацаанд олон даргын нүүр үзээ дээ?

-Сономын Удвал, Лодонгийн Түдэв, Дэндэвийн Пүрэвдорж, Д.Наваансүрэн, Дожоогийн Цэдэв, Доржийн Гармаа, Дүгэржавын Маам, Ши.Цэнд-Аюуш, Долгорын Нямаа, Бавуугийн Лхагвасүрэн, Дамбын Төрбат, Цоодолын Хулан нарын олон зохиолч даргатай хамт ажилласан. Намын хянан шалгах, Ардын хянан шалгах, Сангийн яамны шалгалт, улсын аудит, Мэргэжлийн хяналт, Нийгмийн даатгал, татвар гээд хэчнээн олон шалгуулсан юм бэ, тоогоо алдаж. Ямар ч байсан энэ олон шалгалтад өртөж шалгуулахдаа өөрөө өеөдөлгүй, өрөөлийг хөөдөлгүй өнгөрч байсан болохоор дүн нуруутай шүү байсан юм бол уу даа. Магтуулж сүлд болсонгүй, матуулж сүйд болсонгүй олон он жилийг үдсэн дээ.

-Таныг анх ажиллахаар ирж байхад Зохиолчдын хороо маань ямаршуухан байдалтай байв?

-Манай зохиолчдын ордон ашиглалтад ороод нэг хоёр жил л болж байсан. Өрөө бүхэн нь зохиолчдоор дүүрэн, ширээ бүр нь бүтээл номоор дүүрэн, шат дүүрэн цэцэгтэй, шал дүүрэн хивстэй тансаг орчинд л алба хаших хувь заяа намайг тоссон. Зохиолчдын хорооны байшин хэрхэн баригдсан тухай ня-бо Х.Цэвээн гуайгаар хожим яриулахад сонин л түүхтэй юм билээ.

-Ямар сонин түүх байна?

-Удвал дарга Б.Ринчен гуайг дагуулаад Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга Д.Майдарт бараалхаж “Зохиолчдын хороо маань олон жил айлын хаяа бараадлаа. Одоо өөрийн гэсэн байртай болж өрх тусгаарламаар байна” гэж хүсэлт тавьж. Тэгтэл Майдар дарга их янз муутай “Тэр байшинг чинь тэгээд юу гэж нэрлэх болж байна. Архичдын ордон гэх юм уу” гэжээ. Ринчен гуай хариуд нь “Дарга аа, Их тэнгэрийн аманд байдаг байшинг чинь юу гэдэг билээ” гэж. Майдар “Харш гэдэг юм” гэж. Ри гуай “Тэгвэл тэгж л нэрлэхээс” гэж хэлээд таг болгосон гэдэг. Майдар дарга аргагүйдэж “Танайх Утга зохиолын фондын хөрөнгөөрөө байшин барьж бай, дараа нь хөрөнгө мөнгийг шийдэж өгье” гэсэн хариу өгч л дээ. Ингээд төрийн шагналт архитекторч Лувсандоржоор зураг төслийг нь хийлгэж, барилгын ажлыг шуурхайлснаар зохиолчид өөрийн гэсэн байртай болсон байдаг. Майдар даргаас барилгын хөрөнгийн талаар эргэж дурсвал “За за, байртай болсонд чинь баяр хүргэе” гэсэн шүү юм хэлээд “луу унжчихсан” гэдэг. Энэ нь ч Монголын зохиолчдод хожоотой юм болсон доо.

-Яагаад зохиолчид хожсон гэж?

-Зах зээл эхэлж улс хөрөнгөө бүртгэж эхлэх үед зохиолчдын уран бүтээлийн шимтгэл, гишүүдийн татвар, Үлгэрийн танхимын ашгаар уг байшин баригдсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон тул хэд хэдэн удаа ирсэн шалгалтынхан дэмий л гайхшраад өнгөрсөн үнэн түүх байдаг. Удвал, Ринчен нарын ухаант мэргэд маань хэрвээ энэ байшинг босгоогүй айлын хаяанд явсан хэвээр байсан бол Монголын зохиолчид өнөөдөр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо шиг л энд тэнд байр түрээсэлж, хэрдээ зовж явах байсан юм шүү. Тэгэхээр тэр үед төр засаг хөрөнгө гаргаж өгөөгүй нь ч болсон байгаа биз. МЗЭ-ийн хороо ордонтой болуут ЗХУ-ын Зохиолчдын хорооны утга зохиолын фондноос манай хүсэлтийн дагуу мебель шүүгээ, ширээ, сандал, цайны газрын иж бүрэн төхөөрөмж хүрэлцэх хэмжээгээр бэлэглэсэн нь тухайн үедээ чамин тансаг тавилга байсан. Тэр чамин тавилгыг одоо ч ашигласаар л байгаа нь сайхан шүү. МЗЭ-ийн Утга зохиолын сангийн хөрөнгөөр өөрийн байртай болсноор дансандаа гурван зуун мянган төгрөгтэй үлдсэн байсан.

-Тухайн үедээ овоо л хөрөнгө гэсэн үг биз?

-МЗЭ-ийн Утга зохиолын фонд тэр үед ачааны хоёр, суудлын хоёр машинтай, “ПАЗ” автобустай, Дэнжийн мянгад хашаа агуулахтай, Шадавлинд хорь шахам зуслангийн байшинтай, Шаамарт уран бүтээлийн байртай товхийсэн айл байлаа. Улсын төсвөөс жилд 600-700 мянган төгрөгийн төсөв олгодог, дал гаруй орон тоотой болтлоо өргөжиж байсан тийм цаг үе. Гадаадад оюутан сургах, зохиолчдыг гадаад томилолтоор явуулах, зочин хүлээн авах, гэр бүлийн хамт амруулах зэргээр гадаад харилцаа ч өргөжин хөгжиж байсан.

-Таны алба хашиж байсан Утга зохиолын фонд ямар бүрэлдэхүүнтэй байв. Бас л нэг түүх юм даа?

-МЗЭ-ийн Утга зохиолын фондын харьяанд Ардын үлгэрийн танхим гэж олон түмэнд урлагаар үйлчилдэг өгөөжтэй газар байлаа. Энэ танхимыг анх Дорноговь аймгийн харьяат “Гар буу” хэмээх Дамдин санаачлан байгуулсан гэдэг. Үлгэрийн танхимд Үржинханд, Цэрэндэмчиг, Жанцанчой, Баттөмөр, Өлзий Цэрэнчимэд, дуучин Цэрэнчимэд, Баярмагнай, Галсантогтох, Оюун, Базарбат, Дончид, Володя, Бямбажав, Одончимэг, Лхагвасүрэн нарын олон авьяастнууд ажилладаг байсан. Ардын үлгэрийн танхимаас Д.Жанцанчой, Ц.Цэрэндорж, уртын дууч Д.Баттөмөр, Базарбат, үлгэрч Д.Өлзий, лимбэчин Галсантогтох нар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэж, Ш.Гүрбазар, Д.Гүрсэд, Ө.Нарангэрэл нар соёлын гавьяат зүтгэлтэн, Бавуугийн Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч болсон гэхээр мундаг байгаа биз.

-Зохиолчдынхоо тухай хамгийн гэгээн сайхан номуудыг бичсэн хүн бол та шүү…

-Зохиолчид гэдэг чинь дээд оюун ухаанаас авьяасын хишиг хүртэж, дэлхийн хүмүүн төрөлтөнд уран бүтээлийн бэлэг тарааж өгдөг хэмжээлшгүй их номын буянтнууд даа. Манай зохиолчид чинь зөвхөн уран бүтээлээ туурвиад байхгүй, олон төрлийн давхар авьяас билэгтнүүд шүү.

-Хэн хэн нууц авьяастай байв?

-Далантайн Тарва гуайг төгөлдөр хуур сайхан тоглодог гэдэг. Хүүхдийн зохиолч Д.Содномдорж найрагч баян хууртай дуулна. Готовын Нямаа хүчтэй гоцлол дуучин, Д.Даржаа тэшүүрийн спортын мастер, “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч Сэтгэл, зүрх хоёртоо шатсан” Ц.Цэдэнжав шатрын спортын анхны мастер, Готовын Аким теннисчин, Санжийн Пүрэв хөлбөмбөгчин, “Ард Аюуш” Л.Чойжилсүрэн, Ч.Мягмарсүрэн нар сумын заан, Л.Түдэв, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Дашзэвэгийн Банзрагч, Цэндийн Доржготов нар зураач, З.Далхжав хүндийг өргөгч, Х.Зандраабайдий, Ч.Нацагдорж, Загдын Түмэнжаргал нар сайхан бичигтэн, Д.Пүрэвдорж багштан, П.Бадарч нар яггүй сайн тогооч. Доржийн Гармаа боодог сайхан хийнэ. С.Дашдэндэв тарвагачин, Х.Мэргэн загасчин гээд явж өгнө шүү. Зохиолчдын хорооны ордны хананд зохиолч нөхдийн маань инээд наргиан соронзон хальс шиг бичигдэж үлддэг байсан бол мөн ч сонин архив байхсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Бужгарын Гантигмаа: Аав, ээж хоёр минь анх жүжигчин мэргэжил сонгоогүй ч хувь тавилангаар учирцгаасан хосууд

С.Бужгар “Ирж яваа цаг” киноны Шадавын дүрд тоглож буй нь.

Монгол Улсын гавьяат жүжигчин Санжаагийн Бужгар 1939 онд Булган аймгийн Тэшиг суманд төржээ. Дархан хотын “Залуучууд” театрын жүжигчин энэ сайхан эрийг залуу халуун насанд нь эргэж харахгүй бүсгүй хүн байгаагүй гэдэг. Түүний гэргий гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг Монголын ард түмэн “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрээр андахгүй. Урлагийн энэ сайхан гэр бүлд төрж өссөн жүжигчин, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч Бужгарын Гантигмаатай уулзаж хөөрөлдлөө.


-Таны аав С.Бужгар, ээж Ш.Дэлгэржаргал нар бол олон түмэндээ алдартай Монгол Улсын гавьяат жүжигчид. Урлагийн энэ сайхан гэр бүлд мэндэлсэн охины хувьд ярих зүйл ч их л байгаа даа?

-Манай аав, ээж хоёр анх жүжигчнээс тэс өөр мэргэжлүүд сонгож суралцаж байсан байдаг. Аав маань МУИС-ийн хятад хэлний ангийн гуравдугаар курсын оюутан байхдаа УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгч тэнцэн элссэн юм билээ. Дээд мэргэжилтэй анхны жүжигчин болж Кино драмын ангийг 1963 онд төгссөн. Ангийнхан нь гэвэл ардын жүжигчин Мэндбаяр эгч, гавьяат жүжигчин Лхамхүү гуай хоёр байна. Дуу оруулагч Элбэгсайхан ах, Драмын театрын дарга асан Зоригоо ах, Сэлэнгээ эгч, жүжигчин Зууннаст буюу Уртнасан эгч эд нар нэг ангийнхан. Аав 1963-1975 онд УДАТ-т, 1975-1976 онд “Монгол кино” үйлдвэрт, 1976 оноос Дархан хотын “Залуучууд” театрт жүжигчнээр ажиллаад 1999 онд насны тэтгэвэрт гарсан юм. Ээж маань аравдугаар анги төгсөөд Москвагийн Технологийн улсын их сургуулийн нэхмэлийн технологи-инженерийн ангид хуваарилагдан явсан юм билээ. Москвагийн агаар таарахгүй байсан учир Монголдоо ирж Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилд орсон байдаг. И.Нямгаваа найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч нартай нэгэн үеийн дагалдан жүжигчид. Ээж маань УБДС-ийн Кино драмын ангийн гуравдахь төгсөгч. Тэр үед жүжигчний ангид элсэлт аваад бүтэн дөрвөн жил сургаж төгсгөөд дараагийн ангид элсэлт авдаг байж. Ээжийн ангийнхан гэвэл жүжигчин Цэцэгбалжид эгч, “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр танигдсан Цэцэгээ, найруулагч Доржсамбуу гуайн гэргий Цэнд-Очирын Цолмон эгч байна. Урлагийн хорооны тэргүүн, Монгол Улсын гавьяат Тунгаа эгч, гавьяат нэвтрүүлэгч Ж.Батбаяр ах, манай Чоглоонамжилын аав Гомбосүрэн гуай нарын олон сайхан уран бүтээлчидтэй нэг ангид сурч байсан байдаг. Оюутан байхдаа ээж, Батбаяр ах хоёр уран уншлагын тэмцээний аваргууд байсан гэдэг.

-Аавыг тань алтан үеийн жүжигчин гэдэг юм билээ. Драмын театрт ажиллаж байх 13 жилийн хугацаанд 69 дүр бүтээсэн гэх хүнтэй ч таарлаа. Чухам ямар дүрүүд бүтээсэн билээ?

-Анхных нь уран бүтээл Д.Намдаг гуайн “Нүгэл буян” киноны Найдан гэлэнгийн дүр. Хамгийн сүүлийнх нь уран бүтээл бас Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгээр Баяр найруулагч телевизийн зохиомж хийхэд тоглосон байдаг. Сүүлд бодож байхад аав минь уран бүтээлийнхээ гарааг Намдаг гуайн бүтээлээр эхэлж, Намдаг гуайн бүтээлээр төгсгөж дээ. Хүнд тэг гэсэн нэг хувь тохиол байх юм даа. “Нүгэл буян” киноны дүр бол аавын дипломын ажил. Аав, нэг ангийнх нь Дуламсүрэн эгч хоёр тоглосон. Дуламсүрэн гэж Мядагмаад нь тоглодог жүжигчин шүү дээ. Надад аавын тоглосон кинонуудаас “Ирж яваа цаг”-ийн Шадавын дүр ойр дотно санагддаг. Намайг нэлээд ухаан орчихсон үед тоглосон болохоор сэтгэлд тодхон байгаа хэрэг л дээ. Би чинь аавын охин байхгүй юу. Аавтайгаа илүү амь байлаа. Аавыг кино зурагт явчихсан хойгуур орой болонгуут л хаалгаа дангинатал түгжээд л суучихна. Хэн ч тогшсон эгч, дүү бид хаалгаа онгойлгохгүй шүү дээ.

-Аавыгаа их санана биз?

-“Та хурдан ирэхгүй бол бид орой болгон хаалгаа түгжээд бутанд хярсан бүжин шиг бүлтэлзэн айж сууна” гэж аавдаа би захиа бичсэн байдаг. Аав тэр захиаг уншаад зөндөө уйлж “Зургаа бушуухан дуусгаад харих юм сан” гэж яарч байсан гэдэг. Яагаад тэгж бичсэнээ одоо гайхаж л байдаг юм. Хүүхэд болохоор аавыгаа санасан сэтгэлээ л тэгж илэрхийлсэн юм шиг байгаа юм. Төрсөн цагаасаа бид чинь гэртээ хэдүүлхнээ их үлдэнэ. Аав, ээж хоёр ээлжлээд л хөдөө бригадаар явчихна. Аавын бүтээсэн дүрүүд олон бий. Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Саж лам, Л.Ванганы “Арвайхээрийн талд”-ын Санги, М.Жавганы “Нийслэл хүү”-гийн Мэндээ эмч, С.Дашдооровын “Өндөр ээж”-ийн солгой Ойдов, Ш.Нацагдоржийн “Ичээнд нь” киноны чекист Сундуйжав, Л.Ванган, Ч.Чимид нарын “Өглөө”-гийн Бум хурандаа зэрэг тайз, дэлгэцийн 160 гаруй дүрийг бүтээж, дөчөөд кинонд дуу оруулж, радио, телевизийн 70 гаруй уран бүтээлд оролцсон гэж албан ёсны намтарт нь дурддаг даа. Аав маань Соёлын яамны томилолтоор, ээж эвлэлийн илгээлтээр Дарханы “Залуучууд” театрыг Хөгжимт жүжгийн театр гэж байхад хоёулаа очсон байдаг.

-Дарханы театрт очоод танилцсан байх нь уу?

-Үгүй л дээ. Ээжийг оюутан байхад танилцсан байдаг. Аав ярихдаа ээж аавыг эргүүлж байгаад танилцсан юм шиг зүйл хэлнээ. Ээж болохоор аав нь намайг эргүүлж байж л танилцахгүй юу гэдэг юм. (инээв. сур) Хүн чинь тавилангаараа болдог ш дээ. Тэрэн шиг л нийлэх учиртай л хоёр байж. Хоёр биенээ л харж явдаг байсан юм шиг байгаа юм.

-Аав чинь “Говийн зэрэглээ” кинонд тоглосон байх аа?

-“Говийн зэрэглээ”-гийн нэгдлийн дарга шүү дээ. “Манийгаа бас аваад өгдөг байх нь ээ” гэж байдаггүй юу. Тийм жижиг дүрүүд их бий. “Хонины найр” дээр нэг охинд гутал зараад “Ядаргаа ядаргаа” гэж хэлээд сууж байдаг наймаачны дүр байна. Урлаг судлаачид аавыг “Жижиг туслах дүрийн их мастер” гэж үнэлж дүгнэсэн байдаг.

-Аав чинь уг гарвал хаанахын хүн байна?

-Аав маань Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Хантайн багийн хүн гэж явдаг. Ээжтэйгээ, ахтайгаа гурвуулхнаа улс. Ээж нь Эгийн гол дээр усчин хийдэг хүн байж. Бирваазаар машин, морь малтай хүмүүсийг голоор гаргадаг эмэгтэй байсан гэж ярьдаг. Наяад онд Дарханы театрынхан хөдөө бригадаар явж байхдаа Хутаг-Өндөр суманд очиход ээж маань аавд ч хэлэлгүй сум нэгдлийн даргатай уулзаж “Өвгөн маань энэ нутагт төрсөн. Нэг сайхан хөрвөөлгөх гэсэн юм” гээд нутгийнханд нь хоёр ч удаа үнэгүй тоглолт толилуулахад аав маань их баярласан гэдэг. Аавын унасан газар Эгийн голын хөвөөнөө хөрвөөлгөсөн зураг нь ч байдаг юм. Аав тэр зургийг хараад “Энэ чулуунаас ээж маань салаа уядаг байсан. Хамгийн сүүлд оюутны амралтаар ээжийндээ очсон маань их сонин учрал болсон. Амралт дуусаад буцах боллоо. Гол гаталж ирсэн машинд суугаад хот руу явах гэтэл ээж “Хэрэггүй биз дээ, миний хүү битгий яв” гэлээ. Тэр өдрөө ээжтэйгээ өнжөөд маргааш нь явтал замд нөгөө машин унасан байхыг харсан. Ээж маань зөн совинтой байж дээ. Нутгаас хотод дөнгөж орж иртэл “Ээж нь бурхан болчихлоо” гэсэн цахилгаан авсан” гэж ярьдаг сан. Хүний эх гэж өөрийгөө буцахыг мэдсэн юм уу, хүүгээ машины осолд орохоос сэргийлсэн юм уу, цаанаа л нэг зөн совингоор хүүгээ өнжөөсөн байгаа юм даа.

-Эхийн сэтгэл гэж мөн ч агуу юм байх юм даа?

-Аав төрөөд арван нэгэн сартай байхдаа ээжийнхээ төрсөн дүүд өргөгдөж, нагац ахаараа овоглох болсон. Сэлэнгэ аймагт хүүхэд ахуй насаа өнгөрөөж, Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн анхны төгсөгч болж. Ангийнхан нь гэвэл соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав, нэгдүгээр эмнэлгийн Нина эмч гээд сайхан улс олон бий. Урлагийн үзлэгт Сандуйжав гуай, аав хоёр товшуур хийж гайхуулдаг байсан гэж байгаа. Ангиараа нэгдүгээр байрт ордог. Багшийн дээдэд байхад нь жүжигчний анги гэхэд сургуульдаа л спортоор хошуучилдаг байсан гэдэг. Аавын аравдугаар ангийн багш нь монгол хэл, уран зохиолын багш Баасанжав гэж төрсөн ах нь байсан гэсэн шүү.

-Ээжийнхээ талаар яриач?

-Ээж маань Архангай аймгийн Тамирын голын хүн. Тамирын голын хөндийд болж буй ахуйн сонгодог кинонд тоглосон. Ээжийг таван нас хүртэл Батцэнгэл сумынхаа нутгийг тойрч нутагласан гэдэг. Бууриа сэлгээд нүүгээд байдаг айл байсан юм гэнэ лээ. Ээжийн дээр ууган нагац ах, ээж хоёрын дунд зургаа долоо нь эндсэн гэдэг. Арван гурваас дөрөв нь эсэн энх өсцгөөсөн. Ээж маань их нандин чамин, дайчин, нэг зүйл хийнэ гээд бодчихвол заавал ард нь гарч байж салдаг зорьсондоо хүрдэг хүн дээ. Тэр нь яаж илэрч байсан гэхээр намайг арваад настай байхад дөч гарчихсан байсан мөртлөө монгол бичиг бие дааж сурч байлаа. Социализмын хаалттай тэр үед гадаад хэл оролдон сурч байсан. Монгол бичиг сурч байхдаа Бямбын Ринчен гуайн “Монгол хэл” шүлгийг “Чихнү чимэг бологсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн мини өв ех эрдэнэ

Сонсоху бүрий яруу баялгийг гайхан биширч

Сод ех билигтү түмэн юүгээн бишрэн магтмуу, би…” гээд яг галигаар нь уншихад би хамт цээжилчихсэн байсан сан. Ээж ном гайхамшигтай их уншина. Тэр үед шинээр гарсан ном ээжийн гарт хэдийнээ л ирчихсэн байна. Сонингоор хавтаслаад, өөрийн хийсэн номын хавчуургаа хуудсан завсар нь хийгээд гараасаа салгана гэж байхгүй дээ. Би ээжийгээ дагаж ном их уншсан даа. Манайх их ч том номын сантай байж. Ямар ч их номтой байсан юм бэ. Гэртээ байгаа номуудыг ямар ч байсан уншиж дуусгасан шүү.

-Ээж чинь гайхамшигтай уншигч байж. Өөр сайхан чанарууд олон байсан биз?

-Шөнөжингөө суугаад юм оёно. Маргааш наадам, хүүхдийн баяр болно гэж байхад эгч дүү бид нарыг өнгөрсөн жилийн палаажтай хэзээ ч явуулж үзээгүй. Өөртөө ч шинэ даашинз хийгээд өмсөнө. Эгч дүү, эрэгтэй дүү бид дөрөвт дөрвүүлэнд нь шинэ хувцас оёно. Дээл хунараа ч өөрөө хийнэ. Барагтай бол дэлгүүрээс юм авахгүй. Гутал ботинкийг бол худалдаанаас авалгүй л яахав. Пальто, паарчик гээд ээжийн оёж чадахгүй юм гэж байхгүй байжээ. Есөн сарын нэгэн гэхэд шөнө өөр өөр моодтой шинэ паарчик оёод тавьчихсан байна. Хичээлдээ явахын урд орой бушуухан унтаад өглөө сэрэхийг л хүснэ. Оёод өлгөөд тавьчихсан шинэ паарчикаа харах гэж тэр. Эгч, дүү бид гурав ээжийнхээ оёж өгсөн гоё моодтой паарчикаар сургуулийн охидоос дандаа л ялгардаг байж дээ.

-Аав, ээж хоёр нь кинонд хамт тоглосон бол уу?

-“Цөвүүн цагийн богд” киноны ногоон дарь эхийн аав, ээж болж тоглосон. Ногоон дарь эхэд нь манай Ичинхорлоо тоглосон шүү дээ. “Совин” бил үү дээ, гуравдугаар цахилгаан станцын тухай нэг кинонд бас хамт тоглосон байдаг. Харин олон жүжигт хамт тоглосон. “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр мөнхөрсөн жүжигчин Магсаржав ах, аав, ээж гурвын тоглосон “Будамшуу” гэж Гүржийн нэг инээдмийн жүжиг шиг гайхамшигтай жүжиг өнөөдрийг хүртэл би үзээгүй л явна. Уулынхны тухай, жар дал хүрсэн мөртлөө хорьтой хүн шиг эрч хүчтэй тийм хүмүүсийн тухай хошин маягаар өгүүлсэн жүжиг л дээ. Дахиж ийм жүжиг тавигдах бол уу, үгүй бол уу би мэдэхгүй. Үнэхээр элэг татаана. Хүн тэндээс ухаан авч гарч байгаа юм. Сайхан инээж цэнгэл авч гарч байгаа юм. “Нэр төр”, “Маанаг гайхал” гэдэг жүжгүүдээс дөрөвдүгээр сарын 1-нд болдог “Инээдэм-79”, “Инээдэм-80” гээд жил бүрийн номеруудад бүгдэд нь л оролцож байсан даа.

-Гэртээ уран бүтээл ярьцгаах уу?

-Гэрт ажил ярихгүй шүү. Өдөржингөө инээд наргиа, оройжин дуу хуур болцгооно. Дарханд очсон урлагийн бригадынхныг аав ээж хоёр авчирч, хоол цайгаар дайлна. Бараг худлаа хэлдэггүй хүнд зочингүй орой гэж байхгүй. Зочин ирээгүй орой хүүхэд бид илүү жаргалтай байсан. Гал тогооныхоо дугуй ширээг тойрч суучихаад хоолоо идэж, аяга тавгаа цэвэрлэсний дараа дуу сураад суучихна. Аав ч юм уу, хэн нь ч юм шинэ дуу бичээд ирсэн дууг хамтдаа сураад дууны хичээл л явдаг байлаа даа.

Б.Гантигмаа ээж гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалын хамт

-Аав ээж хоёр тань таван хүүхэдтэй болно, хүүхдүүдийнхээ нэрийн эхний үсгүүдийг дээрээс нь уншихад БОЛОР гэж уншигдахаар бэлгэшээж гээд ууган охиндоо Болормаа нэр хайрласан ч удаах охин Одгэрэл нь бурхан болсноор хүүхдүүддээ эрдэнийн чулуудын нэр өгсөн гэж сонссон юм байна?

-Үнэн шүү. Бид дөрвийг Болормаа, Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэж нэрлэсэн чинь тийм учиртай. Хэрвээ миний дээд эгч минь мэнд сэрүүн байсан бол би Лхамноржмаа ч юм уу, Лхамаа ч гэж байх юм уу Л үсгээр эхэлчихсэн л нэртэй байх байж. Бурхан даах хүнд нь даах ёстой бүхнийг өгдөг гэдэг. Ээж маань нэгхэн жилийн дотор хайртай дүүгээ, бас эгч дүү хоёрыг минь алдсан. Би одоо өөрийн хоёр, эгч дүү хоёрынхоо гурав гээд таван хөвүүд өсгөж байна. Хөвүүдийг чанга хатуу л гэдэг. Миний хүүхдүүд чих халууцуулахгүй өсөж байгаа зөөлөн сэтгэлтэй үрс шүү. Өсөх насандаа зөв өсчихөөр зөв хүн болоод л явчихна даа. Ээж маань өдөр бүр зэс, мөнгөн аяганд ус дүүргээд тавьдаг байсан. Миний хөвгүүд ч энэ л маягаар өсөж байна. Ямар ч байсан ходоод гэдэс гайгүй байна байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Заяатын Ядмаа: Пүрэвдорж багштан “газар мундсан биш Галзуугийн больницид архи уухдаа яадаг байна” гэж даапаалж билээ

Зохиолчид Бээжин хотноо. 1991 он. Гэрэл зургийг Бавуугийн Лхагвасүрэн найрагч даржээ

Монголын Зохиолчдын эвлэлийн болон “Алтан-Өд”-ийн шагналт зохиолч, яруу найрагч Заяатын Ядмаатай уулзаж хөөрөлдлөө. “Янгирын цэнхэр уулс”, “Их үдийн говь”, “Сэтгэлийн гэрэлт бүсгүй”, “Замын тэнгэр”, “Төрөлх араншин”, “Их бага хоёр”, “Зохиолчдын гэгээн шог”, “Зохиолчид инээлдсэн он жилүүд”, “Наймдугаар дэвтрийн нууц”, “Гэгээн цагаан наргиа” хэмээх олон арван ном бүтээлээ уншигч олноо өргөн барьсан эрхэм зохиолч маань “Цаг цагийн цагаан дурсамж” номоороо саяхан шог хошин болон баримтат уран зохиолын төрлийн оны тэргүүн шагналын эзэн болсноо “Ах нь алтан өд гардаж алтан од болохоо шахаж байна” гэж хошигнож байсан юм.


-Та чинь “Дэлхий бүтэн харагддаг Дэлгэрхангай”-д төрсөн говийн хүү байх аа?

-Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Хул хайрханы энгэр Баруун долооны хойт зоон дээр дөчин дөрвөн оны намрын эхэн сарын аравдаар төрсөн гэж миний ээж өгүүлэх юм билээ. Намайг чинь одоо далан тав хүрсэн гэж зурхайч Тэрбишийн календарьт биччихсэн байх юм байна ш дээ. Худлаа гэж заргалдаж залуурхах аргагүй юм билээ. (инээв. сур) Би тогоотой сүүний өрөм, толгой махны хэлийг нь тамшаалж өссөн айлын танхил тэжээвэр хүү л дээ.

-Тэжээвэр гэхээр айлын өргөмөл гэсэн үг ээ дээ?

-Намайг төрсний дараа ээжийн маань нагац эгч болох Заяатад үрчлүүлсэн гэдэг. Би өргөмөл ээжийгээ Ижгээ гэдэг сэн. Ингээд миний бие Сэдийн хар гэх ингэний цагаан сүүгээр угжуулж базны хүүхэд болсон түүхтэй. Надад таван сайхан ээжийн нүүр үзэх хайр шингэсэн сонин сайхан учрал тохиосон доо. Хуланц эх Тогооч, эмэг эх Даваа, төрсөн эх Өжүүмаа буюу Руламсүрэн, үрчилж авсан эх Заяат, хадам эх Долгор гээд олон ээжийн хайр энхрийллийн алган дээр хөлбөрсөн би азтай хүн.

-Дундговийн уугуул Өмнөговийн хүргэн болж аж төрсөн гэл үү?

-Жаран дөрвөн онд Санхүүгийн сургууль төгсөөд Сангийн яамны улсын даатгалын газрын даргын тушаалаар Өмнөговь аймгийн АДХГ-ын захиргааны санхүүгийн хэлтэст даатгалын байцаагчаар томилогдлоо. Нэг том шар чемодантай л гараад өгсөн. Таних хүн байхгүй ээ. Өмнөговийн ард түмэн гэж гайхалтай сайхан ард түмэн. Тэнд очоод ажил төрөлдөө ч орлоо. Хорин насныхаа төрсөн өдрөөр захиргааны албан хаагч болсон би дөрвөн айлын галладаг жижиг шавар байшингийн нэг өрөөнд төвхнөлөө. Хуучин цагийн янхир төмөр ор, нэг модон ширээ, сандалтай. Шугамын радиотой. Аа бас нэг халуун савтай. Ингэсхийгээ л миний буй хөрөнгө бол оо. Өмнөговьд алба хаасан тэр жилдээ насны хань Жигмэдийн Энэбиш гэж өндөр цагаан охинтой танилцаж байлаа. Тэр үед Энэбиш маань “Говийн мэдээ” сонинд үсэг өрөгчөөр ажиллаж байсан даа.

-Хорьж боломгүй хорьхон настай залуу хайрын галд шатаад л шүлгийг ч ёстой бичиж өгөө биз?

-“Дахиад би хорьхон настай залуу

Даланзадгадын гудамжинд ганцаар алхаж зүүдлэв ээ

Жигтэй халуун дурлалын жижигхэн улаан түймэр

Жигмэд гуайн танхил охинд дурлаж байна гэж зүүдлэв ээ” гэж ирээд л шүлэг бичиж байв даа. Шүлэг, Энэбиш хоёр миний шүтээн болсон үе байж уу дээ. Жаран зургаан оны хавар хүүтэй болж мөн их баярлаж билээ. Хадам аав хүүд маань Өнөрсайхан нэр хайрлалаа. Миний хүү чинь Өнөржаргал, Өнөртуул, Өнөрхулан, Өнөрбаяр, Билэгт гээд олон сайхан дүү дагуулсан даа. Энэбиш маань хотод Холбооны сургуульд сурч байх далан хоёр онд манайх хотод шилжиж ирж байлаа. Өмнөговьд ганц шар чемодантай очсон би гээч хүн ханьтай ижилтэй, гэртэй оронтой, үртэй хүүхэдтэй болоод найман жилийн дараа нийслэлээ бараадаж билээ.

-Өмнөговийн зохиолч, яруу найрагчидтай очуутаа л дотносов уу?

-“Эдлэх ёсгүй эрх” жүжгийн зохиолч Ш.Ёнхор аймгийн намын хорооны тасгийн эрхлэгч байсан. Утга зохиолын дугуйлангийн эрхлэгч. Тухайн үед Өмнөговьдоо л Нацагдорж нь Ёнхор маань байлаа шүү дээ. “Ёлын домог”, “Зуун тулааны нэг”, “Бэргүй хурим” нэлээд олон жүжиг бичиж аймгийн Соёлын ордонд тоглуулсан мундаг зохиолч байлаа. Жаран найман онд наашаа шилжихдээ дугуйлангийн ажлаа надад хүлээлгэн өглөө. Дугуйлангийн эрхлэгчээр ажиллахдаа “Говь гурван сайхан” гэж ном гаргалаа. Яруу найрагчдынхаа шүлгээр “Яруу найргийн алтан говь” эмхэтгэл хэвлүүлсэн. Би тэр үед “Өмнөговь сайхан нутаг-манай говиор зочлоорой” гэсэн шүлэг бичиж байлаа. “Манай говиор зочлоорой” шүлэгт маань хөгжмийн зохиолч С.Чулуундорж ая дан хийснээр Ц.Цэрэндорж хуурдан уншиж радиогийн алтан санд орсон. Хожим Чулуундоржийн маань үр хүүхдүүд Даланзадгад хотод дуун хөшөө болгосон доо. Яруу найрагч Эрэнжидийн Хархүү, зохиолч М.Жавган, утга зохиол судлаач, доктор Данзанноровын Хүү, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж, роман бичсэн шүүхийн Дэмбэрэл нар манай дугуйлангийнх.

-Танай дугуйлан төвийн зохиолчидтойгоо аль хэр холбоотой байв?

-Жаран найман оны хавар хотоос зохиолч С.Дашдэндэв, Б.Бааст, А.Самбалхүндэв, Д.Пүрэвдорж, Д.Гармаа нарын зохиол бүтээлээр нь эчнээ танил болсон зохиолчид ирлээ. Тэд уулзалт зохиохын зэрэгцээ намар Өмнөговь аймагт зохиогдох анхны утга зохиолын өдрүүдийн талаар аймгийн намын хорооны нөхөдтэй ярьж тохирсон хэрэг. Зохиолчид тэнд хэд хонохдоо хөөрхөн элэглэл наргиа гаргаад амжлаа.

“Хэвтэж буудахдаа Дашдэндэв сайн

Хэтрүүлж буудахдаа Пүрэвдорж сайн

Хэсэж буудахдаа Гармаа сайн

Хэнэггүй буудахдаа Бааст сайн

Хэрэггүй буудахдаа Самбаа сайн” гээд инээлдэж байх. Тэгснээ Пүрэвдорж багштанд зориулж

“Гахайн маханд Тарвааг дагуулна

Галуун хүзүүтэд Гайтавыг дагуулна

Гадаадад явахдаа Шагдарыг дагуулна

Гарч шээхдээ Гармааг дагуулна

Ганцаардахад хүрвэл Янжинг дагуулна” гээд л инээлдэцгээнэ. Зохиолчид гэж мөн ч золигийн улс шүү.

-Намар нь хэн хэн очицгоов?

-Анхны Утга зохиолын өдрүүдийг Өмнөговьд зохион явуулахаар МЗЭ-ийн хорооны дарга С.Удвал ахайтан тэргүүтэй зохиолч С.Дашдэндэв, С.Эрдэнэ, Б.Бааст, яруу найрагч Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Ш.Дулмаа, дуучин Жаргалсайхан, Пүрэвсүрэн нарын аваргуудын десант буусан. Удвал гуай бага насныхаа дурсамжаас ярьж байсан. Их утга зохиолын хатан хаан Удвал гуайг анх харахад ихэмсэг гэхээсээ эрхэмсэг сүрдмээр ч юм шиг, тэгсэн атлаа ижий зөөлөн инээмсэглэлтэй их амгалан намбалаг төрхтэй, дарга гэхээсээ дара эх гэмээр санагдаж байж билээ. Үгээ зөөлхөн зөөлхөн зөөж ярих авч хэлсэн үг нь хэдэн зохиолчдодоо хууль мэт сонсогддог бололтой. Зохиолчид бүгд “Ахайтан” гэцгээнэ. Уран үгсийн чуулганы дараа аймгийн даргын хүлээн авалт боллоо. Нөгөө зохиолчид намайг дээшээ дээшээ гэсээр зассан урт ширээний эхэнд шахуу суулгачихлаа. Тэгэхнээ надаар халхавч хийж Удвал даргадаа харагдахгүйгээр хэдэн хундага юм татах л гэж намайг дээш нь залсны учрыг мэдлээ.

-Удвал гуайгаас зохиолчид их эмээнэ биз?

-Зохиолчид Ноён, Сэврэй, Баяндалай сумдын зүг жолоо залж би нөгөө мундаг Явуу, Пүрэвдорж, Эрдэнээ нартай суудал зэрэгцэж, Удвал даргын тэргэнд суудаг байгаа. Би тэднийг Баяндалай хүртэл гаргаж өгөх гэж байгаа ухаантай. Гаргаж өгөх хүн яаж хоосон байхав. Гурван кило алим, гурван лонх гоёоны архи ганзагалсан байлаа. Замдаа Гурвансайхан уулын Ёлын ам руу дөхөж явтал тэргэнд саатал гарч жолооч Чүлтэмсүрэн машинаа шалгах юм боллоо. Ууланд цас орчихсон хүйтэн байсан учир бид буусангүй. Нөгөөдүүл чинь намайг нудраад л байна шүү. Харсан чинь ам руугаа зааж байна. Бодвол үнэр авсан биз. Лав л алим идэх гээгүй гэж бодоод лацтай архийг яаж ч задалснаа мэдэхгүй нөгөө хэддээ хундагалж өглөө. Удвал гуай яг урд талд сууж байгаа. Духны хөлс чийхраа л. Аз болж Удвал гуай эргэж ч хараагүй юм. Тэгэхнээ “Та нар минь, наадахаасаа муу Чүлтэмсүрэнд жаахан амсуулаарай” гэдэг байгаа. Нөгөө хэд таг дуугүй байсан. Зохиолчид тэр намар говиор аялаад буцах замд Ханхонгор сумын дарга нар Удвал гуайг контортоо урьж цай уулгаж. “Морь сарлаг” ч задлах шинжтэй гэнэ. “Та нар наадахаа надад өгөх гэж байгаа юм уу” гэтэл цаадуул нь “Тийм тийм” л гэцгээж. “Үнэн үү” гэхэд нь “Үнэн” л гэж. “Тэгвэл наадахаа бөглөөд нааш нь өгчих дөө. Манайханд наадахыг чинь “чаддаг” улс яваа шүү” гээд авч нөгөө хэдийгээ аян замд дайлсан гэдэг сэн.

-Айлгадаг ч гэсэн бас л хүн чанартай дарга байж дээ?

-Удвал гуай зохиолчдоо харцаараа зэмлэж, үгээрээ чимхэн зөвлөдөг, зөөлхөн энэрэнгүй эрхэм байсныг олон зохиолчоос сонсож байсан даа. Даргын нарийн бичгийн дарга байсан Д.Найманжин зохиолч хорооны бие засах газар хавьцаа архи илгээж зогстол Удвал гуай харчихаад “Найманжин минь дээ, яасан тохьгүй газар ууж байх юм бэ. Миний өрөөнд ороод уухгүй дээ” гэсэн гэдэг. Хэрэвзээ өөр дарга байсан бол нарийн бичгийн дарга ажилгүй болно биз. Би далан дөрвөн онд Удвал даргын тушаалаар Монголын зохиолчдын хороо хэмээх их айлын ам бүлд багтаж алба хаших болсон минь дурсамжтай сайхан санагддаг юм.

-Хороогоор орохоор Дэндэвийн Пүрэвдорж найрагч та хоёр шатар нүүгээ л мар мархийтэл инээлдэж суудаг сан. Та бодвол шавь нь байх аа?

-Салхин дээгүүр нь олон гараад баймааргүй сайхан яруу найрагч шүү. Жаран найман оны хавар Говь Гурвансайхан уулын бэл Даланзадгад хотод багштантай танилцахад ёстой л ирлэсэн тонгорог шиг гялалзаж инээд, шүлэг хоёроор цацарч явсан үе байлаа. Би хотод шилжиж ирээд авто тээврийн хоринхоёрдугаар баазад ажиллаж байлаа. Хаа байсан нэгэн баазын нягтлан бодогчийг Удвал ахайтны гарын үсэг бүхий албан тоотоор удаа дараа урин дуудаж, Монголын зохиолчдын их өргөөнөө Утга зохиолын фондын хороонд өөрийнхөө дэргэд хоёрдугаар гарын үсэг зуруулах эрх олгосон хүн нь багштан маань юм. Тэр цагаас миний албан ажлын даргаар олон жил ажиллаж, анхны “Янгирын цэнхэр уулс” номыг минь ариутган шүүсэн. Зохиолчдын эвлэлд элсэхэд минь өөрийн гараар хөтлөн орсон. Өчнөөн жил хамт ажиллахдаа өдөр өнжилгүй шатар тоглож байсан гэвээс найз нөхөд ч гэмээр, заримдаа хуурай ах дүүс шиг байсныг хэлээд яахав. Миний дарга, багш, анд нөхөр, хуурай ах гэсэн дөрвөн учралаар бид холбоотой юм даа.

-Пүрэвдорж багшийгаа ч гарын арван хуруу шигээ л мэдэх хүн байна даа?

-Багштаны ээж Довдмаа гуай гэж буянтай сайхан буурал байлаа. Зусланд манайхаар орж гарна. Гэргий маань нэг зун дан тэрлэг хийж өгөхөд их баярласан сан. Багшийн дүү олон арван шавьтай одон бөмбөгийн спортын мастер Санжмятав гэж хэлэмгий доломгой, сийрэгхэн сэтгэдэг сэргэлэн эр байлаа. Санжмятав “Би залуудаа шүлэг бичдэг байлаа. Ах хүүг мундаг найрагч болохоор ичээд бичихээ больчихсон юм” гэж байсан. Бичвэл ч сүрхий найрагч болох л байсан байх. Наян гурван онд “Болор цом” яруу найргийн наадмыг багштан санаачлахад янз бүрийн л яриа хөөрөө гарлаа. Тэр үед багш “Шүлс хаяж уралддаг тэмцээн байхад шүлэг уншиж уралддаг наадам байж яагаад болдоггүй юм” гэж зад хамгаалсан ярилцлага өгч байлаа. Багштан олон жил хамт ажиллахдаа намайг загнаж зэмлэх бүү хэл муухай ч харж байгаагүйг бодохоор итгэлийг нь эвдэж, сэтгэлийг нь сэвтээгээгүй шүү юм бол уу даа.

-Шатраар та хоёрын хэн нь илүү наадахав?

-Би багшаас арай илүү тоглодог байснаа нуугаад яахав. Эхний өрөгт би хожно. Дараагийнхад хожигдоно. Гуравдахь өрөгт би хожно. Тэгэхээр багштан “Чи битгий “салаавч” хийж нохойтоод байгаач” гэж дамшигладаг сан. (инээв) Багштан ер нь тоглоомонд их хорхойтой. Ёворцог, даалуу, шатар их тоглоно. Хүнийг явуулах, дамшиглах гэж ярих юм байхгүй. “Танай Дундговийнхонтой би ойрхон байдаг шүү” гэснээ “Танай Дундговийнхон чинь одондож дуусдаггүй олон зохиолчтой, ойчиж дуусдаггүй олон бөхтэй” гээд дамшиглана. Үг нь бэлэн цэцэн. Шатар тоглож суухдаа л “Би холдохгүй ээ, Бин Ладен олдохгүй ээ” ч гэж байх шиг.

“Пүрэвийг битгий “хар” гээ

Норовын заяа гомдоно

Норовыг битгий “хар” гээ

Занын заяа гомдоно” ч гэж байх шиг. Бид хоёр байсхийгээд номыг нь дэлгүүрт хүргэж өгөн, борлогдсон мөнгийг нь авахад хамт явна. Түүнийгээ “хавх эргэх” гэж ярина. Овоо мөнгө гарсан байвал “Хотил оржээ”, багахан мөнгө гарсан байвал “Мөндөл өеөджээ” гээд номын хишиг гэж хоолонд орно доо. Нэг удаа бид хоёр Шархадны эмнэлгийн дарга, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Доржхандтай очиж уулзлаа. Роман бичихээр материал цуглуулж байсан үе нь л дээ. Доржханд дарга бид хоёрт архи задлав аа. Багштан ёсолсон болоод уусан ч үгүй өөрийнхөө хундагатайг надад өгсөн юм. Гарсны дараа “Чи газар мундсан биш очиж очиж Галзуугийн больницид архи уухдаа яадаг байна” гэж даапаалж байж билээ.

Үргэлжлэл бий