Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Сувд: Би эхийн сүүтэй хамт театрын агаараар амьсгалсан

ДЭЛХИЙН ТЕАТРЫН ӨДӨРТ ЗОРИУЛАВ


Монгол Улсын төрийн соёрхолт, ардын болон гавьяат жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Намсрайн Сувдтай уулзаж хөөрөлдлөө. Авьяас гэдэг алт, алмаасаар ч зүйрлэшгүй гайхамшигтай зүйл. Бурхан тэнгэрээс эл эрдэнийн дээдийг өвлөн төрсөн эрхэмсэг хатагтайтай ярилцан суухад түүхэн их хатдыг амилуулсан төгөлдөр сайхан дүрүүд нь сэтгэлд амилан Их хааныхаа ээжтэй ч ярьж суугаа юм шиг, Монголын их хаадын залгамж Батмөнх Даян хааны хатантай ярьж байгаа ч юм шиг сонин увдист автан байснаа дурдаад хэрэггүй биз ээ.

-Танд Дэлхийн театрын өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр лавтайяа хүн төрөлхтний сүүлийн хоёр гурван мянган жилээр хязгаарлагдахгүй юм байгаа биз?

-ªº, ÿàëàà ãýæ ãóðàâ, äºðºâ, òàâàí ìÿíãàí æèëèéí ò¿¿õòýé áàéëã¿é ÿàõàâ. Äýëõèéä ñî¸ë, áîëîâñðîë, øèíæëýõ óõààí, õ¿ì¿¿íëýãèéí áàéãóóëëàãà ãýõ þì áîë ÞÍÅÑÊÎ ãýæ áàéíà. Ýíý áàéãóóëëàãûí äýðãýä Îëîí óëñûí òåàòðûí èíñòèòóò ãýñýí áàéãóóëëàãà 1948 îíä áàéãóóëàãäàí àæèëëàæ áàéäàã. Ïðàãàä 1961 îíä áîëñîí ýíý áàéãóóëëàãûí õóðëààð Äýëõèéí òåàòðûí ºäðèéã òýìäýãëýæ áàéÿ ãýñýí øèéäâýð ãàðñàí. Ìàíàé óëñ 1991 îíä ýíý áàéãóóëëàãûí ãèø¿¿íýýð ýëññýí ó÷ðààñ ¿¿íýýñ õîéø òýìäýãëýæ áàéíà. Ýíý ºäºð áîë çºâõºí òåàòðò àæèëëàäàã õ¿ì¿¿ñèéí áàÿð áèø þì. Ýíý áîë òåàòðò ýëýãòýé á¿õèé ë îëîí ò¿ìíèé áàÿð. Òèéìýýñ áèä ýíý áàÿðûã ¿çýã÷èäòýéãýý õàìò, á¿õ íèéòýýðýý òýìäýãëýäýã óëàìæëàëòàé. Дэлхйин театрын өдрийн тэмдэглэхэд олон улсын театрын инстутуциэс дэлхий дахинд хандаж олон улсад хандаж ийм илгээлтүүд гаргадаг. Энэ жил ч гэсэн илгээлтүүд гарсан байна. Гурван тивийн, гурван том уран бүтээлч энэ илгээлтүүдийг гаргасан. Зохиолчид, найруулагчид, жүжигчид илгээлтийг гаргадаг. Энэ илгээлтийг манай уран бүтээлчид, үзэгчид их сайхан хүлээж авч байна гэж бодож байна. Манай театр олон улсын театрын өдрийг сонгодог жүжгийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

-Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ жил ямар сайхан жүжгүүд тавигдах гэж байна даа?

-Сонгодог жүжиг гэдэг нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн зуунаар дамжиж улс гүрэн, үндэстэн болгонд театрын тайзанд тавигдсан чанартай жүжгийг хэлдэг л дээ. Урьд нь гуравдугаар сарын эхэнд зарлаад гуравдугаар сарын 27-нд хаалтаа хийдэг байсан бол энэ жил 27-нд сонгодог жүжгийн нээлтээ хийж байна. Энэ сарын 27-нд гэхэд Виктор Хюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг тавина. Мөн 29-ний 15, 19 цагуудаас Софоклын “Эдип хаан” сонгодог жүжиг тоглогдоно. 30-ны 19 цагт У.Шекспирийн “Ромео, Жульетта” сонгодог жүжгийг тоглоно. Мөн олон улсын театрын өдрийг угтаад “Дэлхийн театрын түүх” гэж өөрийн бичсэн номын баярыг хийж байгаа.

-Таны номын баяр хэдэн цагаас эхлэх вэ?

-Жүжиг орой 19 цагаас эхэлдэг. Номын баярын маань үйл ажиллагаа 18:30 цаг гэхэд эхлэх байх.

-Таны тайз, дэлгэцийн уран бүтээлд бүтээсэн дүр тоогоо алдсан байх даа?

-Би эхийн хэвлийгээс мэндлээд л театрын энэ ариун агаар, тоостой хамт ээжийнхээ сүүг хөхөж өссөн. Тийм учраас театрын агаараар амьсгалж өдий насалж байна. Ээжийг театрт тоглож байхад “Учиртай гурван толгой”, ”Жаргалын зам” гэх зэрэг жүжгийг нь үзэж байснаа санадаг. Тэр үед би дөрөв тавтай байсан юм уу даа. Үүнээс хойш ээжийнхээ найруулсан тоглолтуудыг их үздэг байлаа. Яг өөрөө бол оюутан болоод л тайзан дээр гарсан даа. Хүүхэд байхдаа 1958 онд Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явж олон багш нараар заалгаж урлагт анх хөл тавьсан. Тонтор гэж багш минь байлаа. “Шороотын Цэвээн” гуайн охин чуулгад олон жил бүжгийн багш хийсэн Нэргүй гэж гайхамшигтай бүжигчин надад багшилж байлаа. Ингэж л урлагт сайн дураар хөл тавьсан. Жүжигчний мэргэжлээр Москвад Кино урлагийн дээд сургуульд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Борис Андрейвич Бабушкин гэж хүний шавь болж суралцаж байхдаа “А” үсгийг заалгасан. Манай багш Малый театрын найруулагч, жүжигчин байлаа. Дараагаар нь 1983 онд “Нора” жүжгийн гол дүрд тоглож шилдэг дүрийн шагнал авч байсан. Доржсамбуу найруулагч маань найруулж байлаа. Жүжигчин Баярмаа одоо миний Норагийн дүрийг бүтээж байгаа.

-Таныг Монголын ард түмэн “Мандухай цэцэн хатан” киногоор маш сайн мэднэ. Үүнээс өмнө жүжигчин гэдэг мэргэжлийн гайхамшигтай чанарыг ямар дүрээс мэдэрч байсан бэ?

-Островскийн “Инжгүй хүүхэн” гэж жүжгийг манай драмын театрт 1973 онд тоглож байсан. Энд Лариса гэж гол дүрийг бүтээсэн цагаас хойш драмын театрт ажилласан л даа. Тэр дүр бол үнэхээр гайхалтай, эмэгтэй жүжигчин бүрийн мөрөөддөг жүжиг л дээ. Намайг Ларисагийн дүрийг бүтээж байхад Паратовын дүрд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Гантөмөр маань тоглож байлаа. Хөдөлмөрийн баатар Гомбосүрэн гуай тоглож байсан. Ардын жүжигчин Цэрэндулам, соёлын тэргүүний ажилтан Баатархүү, гавьяат жүжигчин Жарантав, Латиф, Норолхоо, Оюунцэцэг, Гомбожав, Шагдаржав гээд манай театрын ёстой аваргууд хамт тоглож байсан даа. Би тэдний дунд орж дүр бүтээж, тэд маань миний захнаас өргөж, заамнаас минь дээш нь татаж энэ уран бүтээлийг хийсэн. Эргээд бодоход гайхалтай цаг үе байсан.Театр гэдэг бол хэзээ ч мөхөхгүй, жүжигчид үзэгчид хоёр зүрх зүрхнийхээ цохилтыг мэдэрч байдаг гайхамшигтай урлаг. Амьсгалаас амьсгалд гайхамшгийг мэдрүүлдэг энэ амьд харьцааг театр урлаг л хүн төрөлхтөнд өгдөг. Хамгийн гол нь мөнхийн залуугаараа байдаг. Яагаад гэвэл мөнхийн залуугаараа байдаг. Яагаад гэвэл яг одоо, яг одоо энэ цагт харьцаж байдаг учраас дандаа залуу байдаг.

-Таны ээж Цогзолмааг Зууны манлай жүжигчин, алтан үеийн жүжигчин гэдгийг мэднэ. Та тэгтэл ээжийнхээ үеийн авьяастнуудтай нэгэн тайзнаа гарч байсан жүжигчин гэхээр бас л бахархмаар юм даа?

-Энэ бол тэр болгон хэр баргийн хүнд заяахгүй хувь заяа гэж би боддог. Зөвхөн ажил дээр ч биш төрөөд л тэр хүмүүсийн өвөр дээр бүүвэйлүүлж, эрхэлж, тоглож өссөн. Энэ жил төрийн шагналт зохиолч Э.Оюун гуайнхаа зуун насны ойг манай театрын үзэгчид, уран бүтээлчид тэмдэглэж байна. Э.Оюун гуайн 1956 онд С.Нинжбадгартай хамтран бичсэн “Би эндээс явахгүй” жүжгийг энэ жил шинэчлэн тавилаа. Би чинь “Монгол кино” үйлдвэрт ажиллаж байсан хүн шүү дээ. Оюун гуай маань энэ театрт намайг чирж авчирч, ташуурдаж, ажиллах бололцоо ирээдүйг минь бий болгосон. Ахмадуудын буян гэдэг бол хэзээ ч барагдашгүй их өв юм. Тэд нар минь байгаагүй бол бид хэзээ ч байхгүй.

-Та эхийн сүүтэй хамт жүжигчний мэргэжлийг амталсан юм байж. Гэхдээ сургууль соёлын хишиг гэж гайхмаар юм бий дээ?

-Би ЗХУ-д Кино урлагийн дээд сургуулийг 1970 онд кино, драмын жүжигчин мэргэжлээр төгсөж, 1983 онд найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн хүн л дээ. 1970-1973 онд “Монгол кино” үйлдвэрт жүжигчин, наян нэгэн он хүртэл Драмын театрт жүжигчин, 1981-1992 онд театрынхаа уран сайхны удирдагчаар ажилласан. 1992-1996 онд Соёлын яаманд хэлтсийн дарга, тэгээд Улсын багшийн дээд сургууль, Соёл урлагийн их сургуулиудад тайзны яриа, тайзны хөдөлгөөн, уран чадварын багшаар ажиллалаа.

-Та багцаагаар хэдий хэрийн жүжиг, кинонд тоглосон бол?

-Би Монголын театрын тайзнаа У.Шекспирийн “Гамлет” жүжгийн Офелия, Г.Ибсений “Нора” жүжгийн Нора, Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгийн Анна Андреевна, У.Шекспирийн “Макбет” жүжгийн хатагтай Макбет, А.П.Чеховын “Цахлай” жүжгийн Аркадина, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгийн Өүлэн эх зэрэг үндэсний болон дэлхийн сонгодог ная гаруй дүр, “Хань” киноны Наран, “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэвч үл болно, Чингис хаан” киноны Өүлэн эх зэрэг дэлгэцийн хорь гаруй дүрийг бүтээсэн дээ. “Үхэвч үнэн ялна” жүжгийн комиссар, “Нора” жүжгийн Норагийн дүрээр Соёлын яамны шилдэг дүрийн шагнал, “Шөнө амталсан нулимс” жүжгийн Энхээ, “Атга нөж” жүжгийн Өүлэн эх, “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр “Гэгээн Муза” наадмын “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал, “Сэрүүн хасын зүүд” жүжгийн Лоу авхайн дүрээр “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн шагнал, БСШУЯ-ны “Мөнгөн мод”, Э.Оюуны шагналыг хүртсэн байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Монголын их туурвигчдын шүүмжлэлт сэтгэлгээг зохиолч Ш.Ванчаарай өвлөн хөгжүүлсэн гэв

Ш.Ванчаарай зурган илэрцүүд

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Шагжийн Ванчаарайн уран бүтээлд зориулсан “Хорьдугаар зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Хүүхдийн төв номын сангийн уншлагын их танхимд өчигдөр боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, хэл бичгийн ухааны доктор Гаадамбын Билгүүдэй нээж удирдсан бол доктор С.Байгалсайхан “XX зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” хэмээх үндсэн илтгэлдээ “Өнгөрөгч зуун Монголын түүхийн нэн сонирхолтой үе.

Их хаадын хагарал, бага хаадын үе, харийн дарлал гэх мэт түүхэн үеэс хойш энэ л зуунд Монгол Улс үндэсний эрх чөлөөний хувьсгал, ардын хувьсгал, баруунтан, зүүнтний нугалаа, Халхын голын болон чөлөөлөх дайн, тусгаар тогтнолоо баталгаажуулсан, социалист нийгмийг байгуулахаар тэмцсэн гээд маш олон үйл явдлыг туулсан. Энэ үед МЗЭ-ийн их хурлуудаас утга зохиолд шинэ хүний дүрийг бий болгох талаар их ярьсан ч Б.Ринчений “Үүрийн туяа”, С.Удвалын “Их хувь заяа”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, Ш.Нацагдоржийн “Болор толь”, “Мандухай цэцэн хатан” зэрэг түүхэн романуудыг эс тооцвол зохиолч Жигжидийн Бямбын “Үнэний хорвоо”, Ш.Ванчаарайгийн “Хүний мөс” хоёр роман шиг шинэ хүний дүрийг бүтээсэн нь ховор” гэж дүгнэлээ. Ш.Ванчаарай 1933 онд Засагт хан аймаг буюу Завхан аймгийн Яруу-Алдар суманд ард Ядамжавынд төрсөн ч хожим өөр хүнээр овоглож Ванчинпүрэв нэр нь ч солигдон Шагжийн Ванчаарай хэмээх дуудах нэртэй болсон түүхтэй аж.

Тэрээр “Анхны дурлал” өгүүллэгээ 1958 онд хэвлүүлсэнээс хойш олон арван номын зохиогч болж “Эрүүл мэнд” сэтгүүлийг эрхлэн гучин мянгаас зуун мянган хувь болтол өсгөсөн нэртэй зохиолч, сэтгүүлч хүн юм. Хуралд МУБИС-ийн профессор, доктор Б.Энхээ “Зохиолч Ш.Ванчаарайн “Нарны сургууль” романы туурвил зүйн асуудалд”, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор Д.Цэвээндорж “Сэхээтний “төөрөгдөл”-ийн уран сайхны баатрууд буюу Ш.Ванчаарайн тууж, романы дүрүүд”, Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор С.Бадамжав “Зохиолч Ш.Ванчаарайн эрүүл мэндийн сэдэвт бүтээлийн тухайд”, Улаанбаатарын их сургуулийн доктор А.Мөнх-Оргил “Монголын орчин үеийн хүүрнэл зохиолын уламжлал, шинэчлэлийн асуудалд” зэрэг илтгэлүүд тавьснаас ШУА-ийн ХЗХ-гийн доктор Б.Мөнхбаярын “Монголын орчин үеийн уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээний уламжлал, шинэчлэл” сэдэвт илтгэл анхаарал татаж байлаа. Б.Мөнхбаяр “Ямар ч улс үндэстний уран зохиол, утга соёлын хөгжил нь тасралтгүйгээр үргэлжилдэг уран сайхны туурвил зүйн сэтгэлгээний үйл явц байдаг. 1910-аад онд “Үдэш бүхэн асаад байдаг

Өмхий ламп нь унтраа биз ээ

Үеийн үед жанжлаад байдаг

Өнөөх Сандо нь зайлаа биз ээ” гэж Сандо амбаны тухай шоглон дуулж,

“Түшмэл түшмэл, ноён ноён хэмээвч

Түнш иргэн амтат идээ бариваас

Түвшин цаазыг барих судас, шөрмөс

Түмэн мэргэн бодол шороон дор шургамуй” гэж гашуудан байжээ.

Эдгээр дуу шүлгийг өнөө үеийн гоозүйн ухаарлын үүднээс үзвэл уран сайхны чадал чансаа дутуу мэт боловч, нийтлэлийн аяс үнэн бодит баримт, гүн ухааны тодорхой хандлага, шүүмжлэлт чиглэл зэргээрээ тухайн цагийнхаа туурвил зүйн сэтгэлгээний өндөр түвшинд бүтээгдсэн, ур чадлын хувьд егөөдөл, шоглол, далд утгаар илэрхийлэх зэрэг арга барилыг ашиглан шүүмжлэлт утга санаагаа илэрхийлсэн байна. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нийгэм цаг үе, улс төрийн нөхцөл байдал, үйл хэрэг хүсэл зорилгоо тэр бүр ил тод тунхаглах нөхцөл боломжгүй байснаас ийн далд дүр, дүрслэл, ёгтлол, егөөдөл, нууц нэр хэрэглэж ирсэн гэсэн үг юм. Зохиолч Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Гаадамба, яруу найрагч Р.Чойном нар уран бүтээлээрээ Монголын ард түмэнд гэгээрэл боловсрол юу юунаас илүү чухал гэдгийг, оюуны болоод ахуйн хоцрогдол их байгааг, нийгмийн баялагийг шударга бусаар хүртэж буй явдлыг хурц шүүмжилсэн байдаг.

Тэдний зохиолын баатрууд нь танин мэдэхүй, гэгээрүүлэх үзлийг хамтад нь илэрхийлдэг, өөрийн дэвшилтэт үзэл санаандаа тууштай, бат зогсож чаддаг. Үүнд, Нацагдоржийн “Хуучин хүү”, Ш.Гаадамбын “Чөдөр өвс”, “Элбэг дээл” зэрэг өгүүллэг, Чойномын нийгмийг шүүмжилсэн улс төрийн шүлгүүдийг дурдахад хангалттай. Тэгвэл туурвил зүйн сэтгэлгээний энэ уламжлал буюу нийгэм уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээний баялаг өвөөс өнгөрөгч зууны дал наяад онд хэд хэдэн төлөөлөгч төрөн гарсны дотор зохиолч Ш.Ванчаарай, Ж.Бямба нар томоохон байр эзэлнэ. ЗХУ-ын эрдэмтэн Л.Герасимович “Монголын зохиолчдоос нийгмийн тулгамдсан асуудлыг үзүүлэхэд анхаарлын төвд байгаа нэг асуудал бол хотод суурьшигчид элбэгшиж байгаатай холбоотойгоор хүний амьдрал, ахуйд олон жил хэвшсэн зүйлс өөрчлөгдөхөд хүрч байгаа, үүнээс хүмүүсийн харилцаанд илэрч байга зөрчлийг шүүмжлэн гаргахад анхаарч байна” гэсэнчлэн Ш.Ванчаарайн “Балга сүү” өгүүллэгт Улаанбаатар хотын шинэхэн орон сууцанд амьдардаг иргэд хүүхдэдээ сүү халаалгах эхэд хаалгаа онгойлгох дургүй байгаа, тэр тэвдэж сандарсан агшинд уурын зуухны галч тусалж байгаа тухай гардаг.

Эндээс хотжилт хүний сайхан сэтгэлийг хэрхэн үгүйсгэж буйг Ш.Ванчаарай тэртээ тавиад онд хөндөн бичиж байж гэж дүгнэж болно. Монголын ХХ зууны уран сайхны шүүмжлэлт сэтгэлгээ бүхий уран бүтээлийн өвд тодорхой байр эзэлдэг томоохон сэдэв бол гэр бүлийн сэдэв. Гэр бүлийн байдлыг харуулахдаа өрхийн тэргүүлэгч ажлын төлөө бүхнийг зориулдаг ч гэр бүлдээ анхаарал хандуулахгүй байгааг Ш.Ванчаарай “Зүрхний айзам” туужаараа харуулжээ. Туужид нэгэн гэр бүлийн энгийн харилцааны ард нуугдсан ээдрээт байдал, эмэгтэй хүний сэтгэл зүйн асуудлыг нарийн үзүүлсэн. Монголын уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээнд томоохон байр суурь эзлэх зохиол бол зохиолч Ш.Ванчаарайн “Эмч нар”, “Шагнал шийтгэл” хоёр роман юм. Романд дэвшүүлэн тавьсан асуудал өнөөдөр ч гэсэн хуучраагүй, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. Утга зохиол судлалд нэг тогтсон ойлголт байдаг. Нэгэнтээ төлөвшин тогтсон имижийн тухай өгүүлэх нь тэрхүү имижийн хүрээнд багтдаг төлөөлөгчийн хувьд нэн амар байдаг.

Ванчаарай зохиолч анхны нэр нь “Эмч нар” буюу “Хүний мөс” романдаа Монголын эрүүлийг хамгаалах үйл ажиллагааны тухай бус ерөөс нийгмийн зөрчилт асуудлыг үзүүлсэнд оршино. Энэ бол аль ч улс орон, нийгэмд түгээмэл байдаг нийгмийн ялзрал, хуйвалдаан, сөрөг зан суртахуун, хувиа хичээсэн хэдхэн хүний үйл ажиллагаа ямар муухай урхагтай байдаг, хуйвалдаан хийгээд шударга ёс хоорондын зөрчлийг хурцаар үзүүлсэнээрээ өнөө цагт ч үнэ цэнээ алдаагүй зохиол юм. Зохиолч Ш.Ванчаарай ХХ зууны Монголын олон нэрт зохиолч төлөөлөгчдийн уран бүтээл, туурвил зүйн сэтгэлгээний уламжлалыг өвлөн залгамжлахын зэрэгцээ уран сайхны сэтгэлгээний шинэчлэл хийж, улмаар шүүмжлэлт сэтгэлгээний реалист хандлага бүхий шүүмжлэлт реализмын монгол “formula” гэдэг зүйлийг төлөвшүүлсэн зохиолч гэж үзэж болно” гэсэн юм. Эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын ардын багш, доктор С.Дулам, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Дожоогийн Цэдэв зохиолчийн охин, доктор В.Батмаа, сэтгүүлч В.Батмөнх, кино судлаач Д.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Хүрэлбаатар, М.Баттөмөр нарын олон хүн хүрэлцэн ирсэн юм.


Categories
булангууд мэдээ өд-бэх

Ертөнцийг хавар мэт шинэтгэх найргийн гэрэлт өдөр өө…

Оросын их зохиолч Ф.М.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аварна” гэсэн удаатай. “Яруу найраг ертөнцийг аварна” гэж яруу найрагч Гүн Аюурзана эшлэх дуртай. Монгол түмний оюун сэтгэлгээнд яруу найрагчдын гэрэлт мөр шад дурайсаар байдаг нь сайхан. Ванчинбалын Гүларансын

“Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт

Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил

Үсийн хар эгнэгт бэхсийн харыг даран чадаад

Үнэн улаан яахин түүний уруулын улааныг гүйцмой” гэж “Сайхан хүмүүн” шүлэгтээ өгүүлсэн нь сэтгэлийн дотор бүсгүй ертөнцийн гайхамшгийг мэдрүүлэн байдаг билээ л. Явуугийн “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө, би”, дорнын их найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ”, Эрээнцавын Нямсүрэнгийн “Дэндүү уяхан хөлийг ойроос би харсан юм. Дэргэд нь усны хөх ванн байсан юм”, Ванхүүгийн Батбаярын “Юутай сайхан бэ, эжийн минь өгсөн ертөнц” зэрэг алдарт шүлгүүдийг уншаагүй, сонсоогүй монгол хүн байдаг гэвэл өвсөнд зүү хайхаас хэцүү. Нямбуугийн Нямдоржийн

“Онцын хөөрхөн хүүхэн гэдэг

Зүрхний их хулгайч юм

Олон эрсийг шаналгах

Сэтгэлийн тулалдааны талбар юм

Энгүй сайхан түүнд

Зуун зүрх тэмүүлж

Эцэс хойно нь болоход

Ерэн ес нь шархална” гэсэн шүлэг бий. Нэг л сонсоод чихэнд хоногшдог эгшиглэнт ийм мөрүүдээр Монголын яруу найраг хэзээд дуташгүй буюу. Мөнгөн бахал нь салхинд хийсэх шиг хөнгөн халуун сэтгэлт найрагч Ламжавын Мягмарсүрэнг

“Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг

Үзэсгэлэн гоог чинь тэнгэрт өргөн биширч

Чамтай дэр хуваан үсийг чинь илбэх хайр хүсэлдээ уягдан

Цонхны чинь доор тамхи татан татан холхиход

Сүүдэр минь надаас уйдаж шөнийн харанхуйтай нөхцөн алдарнам” гэж уншихад мянгантаа сонссон ч уйдсан хүнийг би найрагчдын ертөнцөөс олж хараагүй. Ерээд онд “Зүс бүгэг андууд”-ын Баатархүүгийн Пүрэвсүрэн ахын “Шулга хархан нүдийг чинь санахын цагтаа яанам бэ…” гэсэн мөрийг бодох бүр л нэг л гэгээхэн мэдрэмж төрдөг сөн. Өмнө нь өчнөөн л найрагч нүдийг янз бүрээр магтан дуулаа биз ээ. Гэлээ ч “шулга хар нүд” гэхэд л сэтгэлд гунигтай ч юм шиг, баясгалантай ч юм шиг хэлэхийн аргагүй догдлол үелзэл амилна.

Тэнгэр зүг халгин одсон Урианхайн жонон Хөөдөө Эрдэнэбаатар андын минь

“Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнүүчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зүүдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялга болж чадахгүй…” гэсэн халгиа мөрүүд ямархан яруу сонстном билээ дээ. Түүний “Түрэг охины гишүү мэт харцанд

Түүдэг адил шатаж явахад минь

Жари эхийн тал нам гүм бороорхог

Жаахан тэр минь хөл нүцгэн байсан

Хацрынх нь хонхорт бороон дусал тогтож

Халгин инээхэд нь усан цацраг үүснэ

Мөнгөн лаа мэт бэлхүүс нь гэрэлтээд

Мөнөөхөн өдрийг минь зүүдлүүлж орхино” гэсэн шүлгийг ерээд оны олон найрагч анд нь цээжээр уншдаг сан.

“Уудам лаа түнгийн оройгоор

Уйтай лаа шашраа татна аа…” гэж дуулсан тэрээр униартагч ертөнцийг уянга дуугаараа сүлээд оджээ. Цэл залуухан насандаа Жан шамбалын орноо заларсан намуун тунгалаг найрагч Тогоонтөмөрийн Содномнамжил маань

“Хаалга задгай Шамбалын

Хаанаас нь ч орж болно.

Харанхуйд гэрэлтэгч дэнлүү шиг

Гэгээн болоод тодорхой” гэсэн ариун шид увдисыг өнөө чухам хэн тайлан чаднам. Дашбалбар найрагчийн баруун гарын шүлэгч шавьд тооцогддог Говь-Алтайн Хөхморьтын Дашдондовын Цогбадрахын

“Өдөр өдрийн шар долгис нэгнээ элдэн урсана

Өндөр тэнгэрийн хаяа ширтэн, цаг-мөрний эрэгт зогсном, би” хэмээх гайхамшигт мөр эдүгээ Шүлэг уулын хөх салхинаа гэрэлтэн бий.

“Охидын инээд сар адил мөнгөлөг гялалзах

Ойрадын шилтгээн-Ховдын цэцэрлэгт би ургаж явсан

Улиасны мөчрөөс соёолж хэдэн хаврыг ширтээд

Уйдангуй эгшгийн хатан сүйх шиг тасарч хийссэн

Өөр модон дээр хээнцэр бүсгүй цэцэглэдэг байсан

Өчнөөн шувуу жиргэлдэн үүрээ засах гэдэг байсан

Өнгө бадрангуй наран цагийн хаш элгийг дэвтээх

Өнцгий нь урж зажилсан бадгууд минь түүнд очдог байсан” гэсэн яруухан бадагсыг бичсэн Малиг баяуд сэтгэгч найрагч Төрийн Баянсанг ямархан хүн яруу шүлэгч биш гэж маргах билээ. Хонгор нутгийн Өлзийтийн суурингийн хүү, Ламын гэгээний найрагч Цэндийн Доржсэмбийн “Цас бороо” шүлгийг өнөө үеийн утга зохиолын хүрээний гэрэлт охид хөвүүд найрал өнгө хоршуулж

“Чамтай л харсан цас

Жинхэнэ цас байсан

Жигүүртэй цас байсан

Түүнээс хойш

Тийм цас ороогүй

Ороогүй гэж бодсон

Ой дурдатгалын минь тойрон

Одоо ч цас орсоор л байна…” гэж уншихад “хүйтэн өдрийн турш ганцаардсан” найрагч хөлчүүхэн, турьгүй намхан биеэ найгуулан ганхаж зогсдог нь тэнгэрийн зараалын учир биз ээ.

“Гоо сайхан гэдэг энгийнээр

Хорвоо бид хоёрын дундын өмч юм

Гоо сайхан гэдэг эцэстээ

Хайр гэдэг үгний өргөмөл охин юм” хэмээн тансагхан бичдэг Лхамсүрэнжавын Ганзулыг

“Алтан дальтай шонхорын жигүүр надад байлаа ч

Агуу ихийн дээгүүр нисэж үл зүрхэлнэ

Арслангийн омгоор дүрэлзэх зориг надад байлаа ч

Аав л ээжийнхээ амьдад үхэж үл зүрхэлнэ” гэж уншихад хэн түүнийг авьяасгүй хэлж зүрхэлнэ. Хэлж зүрхэлсэн нэгэн хээгүй тэнэгт үзэгднэм зээ. Хөвсгөл буйдхан нутагтаа аж төрж хаврын хаварт шинэхэн номтойгоо хамт аяны шувуу шиг айсдаг Пүрэвжалын Майнбаяр гэж гэрэлт нэгэн найрагч бий.

“Жижигхэн нахиа өөр ертөнцөөс яаран ирээд

Жирийн л моддыг яруу сайхнаар хучнам

Хар турлиахнуудын шаагилдаан

цав цагаан цагираг үүсгээд

Нугын дээгүүр эргэлдэхэд

Нууцын гүнд нулимс өнхрөөд,

Хавар болмуй” Энэхэн дэлхийг шинэтгэгч хаврыг тэр ингэж мэдэрч. Авьяас төгөлдөр монгол найрагчдын ай уянга хэзээ ч тасрашгүйг Сайнжаргалын Начин найрагчийн

“Орчлонгийн захад хүрэх гээд жигүүр нь цуцсан хүлгийн

Омруун дээр гэрэлтэх толионд хүслээ живүүлэхсэн”,

“Бид мэдэрдэг юм

Мод биш ч

Бичсэн, зурсан, урласан

Мөр бүхнийхээ цаасны амийг нөхөх гэж!

Эх дэлхийнхээ хэвлийд шингээд

Эргэж төрөхдөө өөрөөсөө үй олон ой төрүүлнэ гэдгээ” гэх гэгээн утгат уянга юутай сайхан гээч. Дагийраазын Нямдорж хэмээх даруухан найрагч залуугийн “Одод живчихжээ

Огторгуйн цээлд

шувууд л сэлнэ” гэсэн “ХИЯН” шүлгийг унш даа. Хэний ч илэрхийлээгүй яруу найраг энэ биш үү.

Од, сарыг найрагч бүхэн л магтан дуулсан. Тэгвэл Ш.Хатанбүүвэйбаатар

“Од оддын бэлчирт

Нэгэн нуур байдаг

Урьдын адил туулай сэлсээр л…” гэж дүрсэлсэн буй.

Энэ цагийн уянгат гэгээн найрагч Оюунцэцэгийн Цэнд-Аюуш

“Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ нууна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд сүүдрээ хайна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувууд тэнгэрээс бууна

Үгүй ээ…

Бүүдийж гэгээ алдран үдэш болоход

Бүх шувуудын далавч

Харанхуйг үл даана

Тийм ээ…

Тэнгэрийн мөн чанар үнэндээ

Тийм хүнд” Энэ бол жинхэнэ монгол философи, жинхэнэ монгол найраг.

Яруу найрагч Энхбаатарын Энхболдын оюутан ахуйдаа ээжийгээ санахдаа бичсэн

“Үрээ гэсэн эхийн сэтгэл уул юм билээ

Ижийгээ санасан хүүгийн бодол тал юм билээ

Бие биедээ тэмүүлэх итгэл нь мөрөн юм билээ

Ижий бид хоёр эх орон юм билээ” гэсэн мөр сэтгэлд нэг л дотно байдаг. “Хөх мэдрэхүй” бүлгэмийн гишүүн найрагч бүсгүй Батсуурийн Баясгалангийн

“Хамгийн сүүлд хэзээ уйлснаа чамд хэлэхгүй

Хашааны завсраар яралзах нохойн шүд шиг эрэмгий өдрүүд

Харван дүүлж айсуй ирээдүйгээс

Харин чи бүү ай, ирээгүйгээс…” гэх нь ямархан уншигдана, танд.

Давхардаваагийн Гансаруул гэх этгээддүү зантай ч гэмээр энхрий нэгний “Цоргоноос цацарсан далай минь

Шүршүүрхэн минь!

Зуныг, бороог санагдуулсан усан минь

Санамсаргүйгээр савж унах

Үхлийн шалтгаан минь.

Шалдан агаад хөрсөн бие дээр минь

Тасралтгүй үнэнчээр цутгах хур билээ л, чи

Шүршүүрхэн минь!

Чи миний аадар.

Над дээр тасралтгүй үнэнчээр цутга!” гэх мөн нарийн мяндсан мэдрэмж дээ. Г.Сэр-Одын нэрэмжит шагналт Балдоржийн Алтанхуягийн

“Үргэлжлэл нь эхлэл болдог гэдгийг ойлгох

Үгсээр мэс урлах шиг өрөөсгөл санагдахуй

Хаягдаж хоцорсон мэт мэдрэмжийнхээ ачаар л

Харьж гэртээ ирсэн халамцуу бие минь…” гэхийг унших ямархан байна. …

“Аяа, ядаж ялаа нисээсэй!

Ай, энэ нулимс хашгирч унадаг ч болоосой!” Яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа ганцаардал гунигийг юутай зэвүүн, хичнээн гиюүтэй “хашгирсан” байна даа? Ай, яруу найраг гэж хүний сэтгэлийн уй гуниг, яруу баяслыг илэрхийлэгч мөнхийн жигүүр минь дээ. Эрхэмсэг гэгээн уншигчдадаа Дэлхийн яруу найрагчдын өдрийн мэндийг хүргэж, яруу найрагч Я.Баяраагийн

“Дүүрэн сархдыг дундуур аягалаад

Үүрэн гэлдэрсэн гунигаа сэгсэрье

Үхэж дуусдаг нь амьдралын жам

Үхэшгүй мөнх нь бидний зам” гэсэн шүлгээр эл бичвэрээ өндөрлөе дөө!

Ямагт биднийг ариусгадаг яруу найраг мандтугай!


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хавар гэдэг дэндүү уйтгартай улирал болж дээ…

Холбоотой ЗурагХавар гэхээр л хүн бүхэн шив шинэхэн улирал гэж бодно. Гэвч хавар хуучнаас хуучин улирал бололтой. Өвлийн хуучин цасны шар ус уйтгартайгаар далан дагаж урсана. Хотын гудмаар өвлийн өлөн тоосонд дарагдсан машинууд цаанаа л нэг гундуухан хөлхөцгөөнө. Тэдний хөлхөж буйн шалтгаан ч хиртэй, хуучин төгрөг. Шинэ төгрөгүүд тэдний хэтэвчинд хэзээ ч очихгүй. Шинэхэн бороо хэзээ нэгтээ орж, хуучин өлөн тоосыг үргээтэл өдий.

Хотын айл бүхний зурагтаар хуучин улстөрчид хуучин хэрүүлээ хийцгээнэ. Байгаль дэлхийтэйгээ ойрхон байсан бол ийм улиг домог болсон зүйлсийг хэн ч анзаарахгүй сэн. Тэртээх жалганд хөгшин бух өеөдөн үхээд ширийг нь гуринхи үнэг сэглэсэн ч хэн үл тоох тийм нэг нэг амгалан Монголын хөдөөд минь бий. Тэнд ямар ч гуниг байдаггүй. Байгаль дэлхий гэдэг жам ёсоороо л цаг улирлаа давтаж буй нь тэр. Харин энэ их хотжилт, хүний нийгэмд бол алив бүхэн уйтгартай. Эргэн санахад Овоон таг дээр хонио хариулж явахад цасан дундаас ургасан яргуй ямархан дотно, ямар сайхан харагддаг байлаа. Одоо гэтэл амьд хүмүүсийн дунд амьдарч яваа атлаа тэртээ олон жилийн өмнө харсан үхсэн цэцгээс ч хоосон санагдах нь дэндүү гунигтай.

Categories
мэдээ цаг-үе

Самдангийн Тараа: Монголын анхны рок дуурь тавиад дэлхийн чихийг дэлдийлгэж л явлаа

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, нэрт хөгжмийн зохиолч, удирдаач Самдангийн Тараатай уулзаж хөөрөлдлөө.


-Ус нутаг хаанах билээ, Тараа ах?

-Би Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Өлийн худаг хэмээх газар төрсөн хүн. Сумынхаа бага сургуульд суралцаж байгаад арван настайдаа шилжин ирж нийслэлийн 33 дугаар сургуулийг дүүргэсэн. Наймаа төгсөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид суралцлаа.

-Танай ангиас алдартай хөгжмийн туурвилчид төрсөн байлгүй?

-Өө, нэг ангийнхан гэхээр чинь Чингис хаан одонт, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бид гурав чинь тохой нийлүүлж суусан нөхөд шүү дээ. Бидний дараагийн үе гэхээр Чинжиг эд нар гээд явчихна. Н.Жанцанноров багш гэхэд бидний дээд талд манай сургуулийг дүүргэсэн. Сүүлдээ бидэнд багшилсан түүхтэй. Манай ангийн багш Задгай гэж мундаг хүн одоо ер орчим настай хөгшин байна шүү. Билэгээ, Шарав бид гурав хуваарьгүй, арын хаалгаар л хөгжмийн ангид орж байсан юм шүү дээ. Билэгээг ээж нь хөтөлчихсөн, Шаравыг ах нь хөтөлчихсөн ирж шалгуулж байсан юм. Билэгээ нэг муу гитар нүднэ. Шарав нэг гармушки тоглоно. Хөдөөнөөс биднээс авьяастай хүүхдүүд олон ирж байсан. Дундговиос Хоролсүрэн, Булганаас Болдоо гээд. Аккордиан, баян хуурыг чинь буруу солгойгүй тоглодог хүүхдүүд байсан. Түрүүлээд сайн тоглодог болчихсон хүүхдүүд бидэн шиг нойлуудтай цуг оруулчихаар цалгарч назгайраад хаячихдаг юм шиг байна лээ. Тэгээд яах вэ, тэр авсан хүмүүс нь бүгд л Монголын хөгжмийн урлагийн суутнууд болж дээ. Бид харин завсаргүй хичээж хичээллэсэн. Манай ангид чинь гавьяат жүжигчин Туул байлаа.

-Ангийнхаа хүү, алдарт хөгжмийн зохиолч Шаравтайгаа уулзаж байна уу?

-Шаравтайгаа тавин жил л үерхэж нөхөрлөж явна. Би сая хагалгаанд ороход нь Бээжинд очиж хамт байж байгаад ирсээн. Дунд үеэс чинь одоо бид хоёр л бараг хоёулаа үлдэх гээд байна шүү. Зуслангаасаа хааяа дуудна. Очиж бас эрхлүүлэх л гэнэ шүү.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Цэнхэр залаа”-гийн С.Баатарсүхийн хамт

-Яаж эрхлүүлнэ гэж?

-Яахав, хөгжмөө ярина. Ангийнхнаа дурсана. Муушиг тоглохгүй юу.

-Багшийн сургуулийн хөгжмийн ангиа төгсөөд хаана хуваарилагдав?

-Сургуулиа төгсөөд Пионерын ордонд найрал дуу, баян хуур хөгжмийн багшаар хуваарилагдсан. Тэр үед чинь хотод цөөхөн төгсөгч үлддэг байлаа шүү дээ. Нэгдүгээр сургуульд Шарав маань, тэгээд би үлдсэн юм уу даа. Билэгжаргал Архангайн Багшийн сургуульд очсон. Би энд олон жил ажилласан. Анх очуутаа төрийн шагналт яруу найрагч Цэгмидийн Гайтав гуайтай “Багачуудын ордон” гэдэг дуу хийсэн. Балчинжав захирал дуудаад “Чи энэ хүнтэй дуу хий” гээд. Тийм том амьтантай дуу хийнэ гэхээс ухаан алдчихаж байгаа юм чинь. Пионерын ордны хүүхдүүд их дуулдаг л байсан. “Мөнгөн хонхны дуу” гэсэн түүвэрт байдаг юм шүү. “Агуу Лениний…” энэ тэр гэсэн үгтэй дуу л даа.

-Хөгжмийн зохиолчийн хувьд та хэний шавь бол?

-Гончигсумлаа багшид Гончигийн Бирваа багш маань дагуулж аваачиж шавь оруулсан. Манай үеийнхнээс эхнээсээ хойшоо явсаар би хамгийн сүүлд Свердловск хотын Хөгжмийн дээд сургуульд суралцахаар очсон доо. Уг нь 1977 онд хойшоо явчих байсан юм. Шалгалтаа өгчихөөд байж байсан чинь цэрэг татлагад ороод тэнцээд явчихдаг юм. Тэгэхдээ би сүүлд явахдаа бэлтгэл ангид суулгүй шууд үндсэн ангидаа орсон л доо. Ингээд найрал дууны удирдаачийн ангийг төгсөж ирсэн. Дөрөвдүгээр курстээ хөгжмийн зохиолчийн ангид орох гэсэн чинь багш маань дургүйцээд больсон юм.

-Таны анхны хөгжмийн бүтээл, дуунууд хэзээ олны түгээл болов?

-Багшийн сургууль төгсөхдөө би “Шанзны гоцлол” концерт биччихэж байлаа. Залуу байхад зоригтой байж. Юм мэддэггүй хүн чинь их зоригтой байдаг байхгүй юу. Тэгэхэд манай Шарав, Билэгжаргал нар чинь хөгжим бичих нь бараг сураггүй байсан байх аа. (Инээв. сур) Багшийн сургуулийн тавин жилийн ойн үзэсгэлэн дээр Нацагдорж багшийн “Хуучирын гоцлол”, миний “Шанзны гоцлол” хоёрын ноот байдаг байсан. Одоо би тэрийгээ олдог ч үгүй юм. Миний анхны олонд түгээл болсон дуу чинь “Ээжийн бүүвэйн дуу” юм уу даа.

-Ямар дуу байдаг билээ?

-Яруу найрагч Цамбын Зоригтсайхан агсны шүлгийг нь бичсэн дуу бий дээ. Чи бараг мэдэх л ёстой доо.

“Хорвоо дэлхийд сонссон

Ээжийн бүүвэйн анхны дуу

Хонгор зүрхийг уяраасан

Ээжийн цагаан уяхан дуу

Ээжийн бүүвэйн энэ дуу

Эгшиг надад хайрласан

Энэ л миний дуулах дуу

Ээжийн бүүвэйн дуу” гээд эхэлдэг.

Зүүн гар талаас С.Тараа. Хөгжмийн зохиолч нөхдийн хамт

-Аа, тийм. Их сайхан дуу шүү дээ. Дуучин Оюунтүлхүүр дуулдаг байх шүү?

-Анх Чулуунхүү гавьяатын охин Мөнхчулуун дуулсан юм шүү. Гончигсумлаа багштай хичээллэж байхад “Хараацай минь нисээрэй” гэсэн дуу бичиж байлаа. Гавьяат Эрдэнэбатын дуулдаг “Цасан дээрх танго”, “Эмчийн сэтгэл” гээд хэд хэдэн дуу бий. Харин би нийтийн дуу руу нэг их ороогүй хүн юм шүү. Яг одоо бол дууны үйлдвэрлэл явагдаад байна уу даа. Би далан дөрвөн оноос дуу бичсэн. Тоолоод үзвэл наяад л юм байгаа байх. Тэгэхэд ноднин уржнан л дуу бичиж эхэлсэн хүн гурван зуу, дөрвөн зуун дуу хийчихлээ гэх юм. Бүх дуу нь сонсоход адилхан л дуу байх юм. Гончигсумлаа гуайд гэхэд үсрээд тав, арван л аварга дуу байгаа байх аа. Одоо бол хүмүүс ичих булчирхай байхгүй болчихож дээ.

-Хөгжмийн дээд сургууль дүүргэж ирээд хаана ажиллав?

-Наян зургаан онд төгсөж ирснийхээ дараа Германд мэргэжил дээшлүүллээ. Ирээд “Варьетте” чуулгыг байгуулан ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолчоор ажилласан даа. Ингэж хөгжим бичих ажил толгой дээр буулаа даа. “Варьетте” чинь хотын имижийг харуулсан их сайхан чуулга байлаа шүү дээ. Одооны энэ “Улаанбаатар” чуулгыг ямар хотын чуулга гэх юм бэ. Хөдөөний чуулгуудтай л адил ардын дуугаар дагнасан шахуу чуулга байгаа биз дээ. Хотын дарга Мөнхжаргал гуай чинь Франц, Италигүй явж юм үзэж нүд тайлсан хүн болохоор өрнийн тэр гайхамшигт чуулгуудыг мэддэг л хүн байсан байхгүй юу. Тэр хүний захирамжаар анх байгуулагдсан юм. Бид тэр үед Соёлын төв өргөөнд дандаа гадаадынханд ёстой нэг орой болгон тоглож байлаа даа. Дуучин Оюунчимэг, Эрдэнэцэцэг эд жинхэнэ мандаж байлаа. Хөгжим бүжгийн сургууль төгссөн хөгжимчдийг авчихсан, Дарханд ангиараа очсон бүжигчдийг татчихсан, анхны эстрад найрал хөгжим дуугарч байсан сайн хамт олон байсан даа. Симфони-жааз оркестртой. Энд ажиллаж байтал 1995 оны үед байрыг нь өмч хувьчлалаар булааж авснаар энэ сайхан чуулга бутарсан юм шүү. Энд байхдаа би бүжгийн хөгжим, жүжгийн хөгжмүүд, жааз оркестрт зориулсан аяз олныг бичсэн дээ.

-Та Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгад олон жил ажилласан санагдах юм?

-Цэргийн чуулгын оркестр солигдож байх үед шар Даваа маань намайг ирж ажиллаач гэж урьсан. Тэрнээс хойш би энд арван долоон жил ажилласан байна лээ шүү дээ. Ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч гээд хийгээгүй ажил байхгүй дээ. Энд очоод би Цэргийн чуулга бол зөвхөн цэргийн жагсаалын дуунаас гадна утга-уянгын уран бүтээлтэй байх ёстой гэж их олон уран бүтээлээ зориулсан. Цэргүүд эх орны дуунаас гадна эцэг эх, янаг амрагийн тухай дуу дуулах ёстой биз дээ. “Жаахан цэрэг өндөр болно. Жаварт даарахгүй өлчир болно” ч юм уу, “Цэрэг бүсгүй” энэ тэр гэсэн стиль имижийн өөр жааз маягийн дуунууд хийж байлаа.

-Таныг олон киноны хөгжим бичсэн гэдэг юм билээ?

-Уран сайхны арван зургаан киноны хөгжим бичсэн юм билээ. “Жин дунгуй”-гаас эхлээд “Миний охин ээждээ ир”, “Сүүгээр амилсан хорвоо” гээд нэлээд хэдэн юм байна аа. Хамгийн сүүлд “Худгийн мисс” гэдэг кино зурагтаар гараад л байна лээ. Дарханы Ганбаатар найруулагч, том Биндэр нартай олон кинон дээр ажилласан.

-Монголын анхны рок дуурь тайзнаа амилуулсныг чинь мэдэх юм байна?

-Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойд зориулж “Чингис хаан” рок дуурийг бичсэн. Монголд анхных нь рок дуурь байсан нь үнэн л юм чинь. Нарийндаа 2006 онд Монголд олигтой хийсэн уран бүтээл байгаагүй шүү дээ. Америкаас, дэлхийн олон орноос урлаг соёлынхон, хэвлэл мэдээллийнхэн үзээд шагшиж л байсан. Ах нь тэр үед мандаж байлаа ш дээ. Дэлхийн том хэвлэлүүдэд яриа өгөөд л. Тэр рок дуурь маань оны шилдэг уран бүтээлээр шалгарч л байлаа. Би сүүлийн үед нэг юманд их харамсаад байгаа.

-За юунд тэгтлээ харамсах болов?

-“Чингис хаан” рок дуурь тавиад ЦДБЭЧ-аас гарах минь яалаа гэж. Удирдаач хийхээр чинь өөрийн уран бүтээлээ үндсэндээ хаячихдаг байхгүй. Тэгсэн бол би чөлөөтэй олон сайхан уран бүтээл хийх байж. Цэргийн чуулгаас гараад дөрөв таван жилийн дотор оркестрт зориулсан “Төгөлдөр хуурын нэгдүгээр концерт”-оо бичлээ. “Морин хуурын квартет”, нутагтаа зориулж “Алтай” симфони найраглал бичлээ. Хийл, виоленчели, төгөлдөрийн гурвал концертоо хийж байна. Одоо хамгийн гол нь тоглуулах хэрэгтэй байна. Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ц.Дашдондовын цомнолоор “Цогт тайж” дуурь бичлээ. Дуурь, бүжгийн эрдмийн театрт тавиулах санал тавьсан. Хоёрын хооронд юм хийчихсэн шалдан банди ч би биш дээ. Жаахан шударгадуу хүн ч тэгээд хохирч л явдаг хорвоо юм шив дээ.

-Таныг аль эрт гавьяатаа авчихсан хөгжмийн зохиолч гэж мэргэжлийнхэн чинь ярих юм билээ. Хөшигний ард нуугдаад байдаг их даруухан амьтан юм биш үү, та?

-2002 онд “Маргааш гавьяатыг чинь гардуулна” гээд Баасанхүү генерал надад хэлсэн юм. Тэгсэн л маргааш нь өөрчлөгдчихсөн байх жишээтэй. Төрийн шагнал чинь бас зовлонтой юм байна шүү дээ. Хаа газар ченжүүд бий болчихсон. (гашуунаар мушийв. сур) Үнэхээр авах цаг нь болчихсон хүн төрдөө шагнуулж байхад баяр хүрдэг юм шүү. Бүүр өмнөөс нь баяр хүрээд ганц нэг хундага татмаар санагдана. Үнэхээр нэг сонин нөхөр авчихвал бас татмаар санагдана. Юм чинь их сонин шүү дээ. Би яахав дунд үеийн л нэг хөгжмийн зохиолч. Тэрнээс алдар суутай элдэв хүн рүү яваад байдаг нэгэн биш шүү дээ. Сүүлийн үед сонсголоороо явдаг баарны хөгжимчин, дуучид л төрийн шагнал авдаг боллоо. Филармонид арав, хорь, гучин жил ажилласан мэргэжлийн гайхамшигтай хөгжимчид шагнал авч байна гэж сонссон уу. Мэргэжлийн хөгжим, сонирхогчдын урлаг хоёрыг төр ялгаатай харах цаг нь уг нь болсон л баймаар. Соёлын яамнаас л шалгалт хийчихэд болоо шүү дээ. Монголд тэгээд хөгжмийн боловсролтой хүн улам цөөрөөд байна л даа. Намайг залуу байхад аливаа чуулгын удирдлагад гавьяат цолтой хүн байдаггүй байлаа. Жүжигчид, дуучид нь цол авдаг байлаа. Одоо тэгсэн нэг нөхөр аль нэг урлагийн байгууллагад даргаар очлоо гэхэд уран бүтээлчдийн хийсэн уран бүтээл дээр хувийн тоглолт хийгээд л өөрийгөө гавьяатад тодорхойлоод энгэртээ тэмдэг зүүдэг болчихсон шүү дээ.

-Урлагийнхны гэр бүл гэж хазайхад түшиг, халтирахад таяг мундаг хана хэрэм болсон улс байдаг даа?

-Миний хань Бяруузаны Мөнхцэцэг гэж Монгол Улсын мастер эсгүүрчин хүн бий. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул. Сайн хүнтэй сууна гэдэг шар тэмдэг авахаас илүү эр хүний хамгийн том аз юм шүү.

Categories
мэдээ цаг-үе

А.Энхтайван: Эрдэнэбулган ах намайг “Чингис хааны дүр хэн хүнд олддоггүй юм” гээд сандал бариад элдэж байлаа

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чингис хааны дүрд

Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Агваанцэрэнгийн Энхтайвантай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр дэлхийн сонгодог болон Монголын үндэсний олон дуурийн дүр бүтээснээс гадна “Балжийн гол”, “Ононы шугуй”, “Хан Хэнтий уул минь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” зэрэг олон дууны аялгуу зохиосон уран бүтээлч билээ.


-“Морин хуур” наадамд аялгууг нь зохиосон дуугаараа тэргүүн байр эзэлсэнд тань баяр хүргэе!

-Дуунд дуртай Монголын ард түмнийг баясгаж цэнгүүлдэг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур” наадмыг 1987 оноос зохиох болсноос хойш 31 дэх жилтэйгээ сая золголоо. Энэ гучин нэгэн удаагийн бараг хорь гаруй наадамд нь ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Оны шилдэг дуу, хөгжмийн зохиолч, шилдэг уран бүтээлч шалгаруулна гэдэг анхандаа тодорхой хүрээний ажил байснаа сүүлдээ нийтийг хамарсан зүйл боллоо. Энэ наадамд эхэндээ хөгжмийн зохиолчид л оролцдог байлаа. Одоо харин ая зохиогч залуус маань маш өргөн оролцож байна. Хотын уран бүтээлчдээс гадна хөдөөгийнхөн оролцох болсон нь сайшаалтай.

Монголчуудад нэг зүйл дутагдаж байсан үе бий. Компьютерийн эрин зуун гээд медиа хөгжим гарч ирж, дуулаачдыг бэлдэх сургууль маш олноор байгуулагдаж ажлын байргүй дуучдыг гаргаж эхэлсэн. Үүнээс болж энэ дуучид ямар нэгэн байдлаар хоолоо олж идэхийн тулд нэгэнтээ дөрөв, таван жил сургуулийн төлбөр төлсөн болохоор эцэг эхдээ ямар нэгэн юм хийсэн болж харагдахын тулд студиудыг бараадаж эвлүүлэг хийж медиа хөгжимтэй дуу гаргаж эхэлсэн. Зарим нэг тодорхой авьяастнууд нь урлагийн ямар нэг байгууллага бараадаж уран бүтээл хийж байх шиг байна.

Харин олонх нь ажилгүй болцгоодог. Эдний дунд нийтийн дуучид гэсэн хэсэг бий болсон. Эд хүмүүст аль болохоор хүрэхийн тулд компьютер дээр дуу эвлүүлж, хүн дуулахад авсаархан гэж хоолойны цар хүрээ шаардахгүй жижигхэн, худалч хүнд нэг ноотон дээр үглэсэн тогшсон шахуу дуунуудыг дуулсан нь нэг хэсэг түрэн гарч ирлээ. Энэ байдал ард түмэнд муугаар нөлөөлж байгаа юм.

-Муугаар яаж нөлөөлж байна гэж?

-Яагаад гэвэл найман настай балчраас наян настай буурал хүртлээ гэртээ “Найгал гол”-ыг найгатал нь найман түмнээ жаргатал нь дуулдаг байсан хоолойны чадал багтаамж сүүлийн хориод жил тун багасаж ирлээ. Хөдөөгүүр явж байхдаа ажиглахад “Тэрний дуулдаг, энэний дуулдаг дуу” гэсэн үглэдэг муусайн дуу л сонсогдож байх юм. Том дуунуудыг дуулахад сонирхолтой болгох, “Дуулдаг хүн дуулаад явмаар, дуулдаггүй хүн сонсоод явмаар” дуунуудыг төрүүлэхэд “Морин хуур” наадам чухал нөлөөтэй. Айлын найран дээр очоод “Эр бор харцага”-ыг бөөнөөрөө дуулахад хэчнээн том багтаамжтай дуу билээ дээ. “Хэрлэнгийн баръяа” гэхэд аль хэр чадалтай хоолойг шаарддаг билээ. Ардын бэсрэг дуунууд гэхэд л дээшээ, доошоо гүйсэн, үсэрсэн дуунууд байдаг билээ дээ. “Өөрийн нутаг” гэсэн дуу байлаа гэхэд л тэр дээр цангинаж байснаа тэртээ доошоо унаад л ямар гайхамшигтай нугалаа, аязтай сан билээ. Монголчууд маань ийм сайхан дуунуудаараа хоолойгоо хөгжүүлж ирсэн байна. Сүүлийн жилүүдэд алдагдсан хоолойн чадлыг нөхөхөд энэ “Морин хуур” наадам маш их нөлөөлнө. Эл наадамд мэргэжлийн бүх төрлөөр нь шалгаруулах хэмжээнд оччихлоо. Мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулж эхэллээ. Энэ бол яах аргагүй дэвшил.

-Та “Дангина” дууныхаа тухай яривал сонин доо?

-Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ганболдын Сонинбаяр бид хоёр хамтарч хэд хэдэн дуу бүтээсэн. “Цэцэн ханы нутаг” гэсэн сайхан дуу хийж дуучид кино концерт маягийн юм хийж дуучид дууллаа. Сонинбаяр найрагч “Дангина” хэмээх шүлгийг хоёр жилийн өмнө өгсөн юм. Бодож явсаар аялгууг нь хийж, найруулгыг нь “Анир” студийн Алтанхуяг 2016 оны өвөл хийлээ. Энэ дууг анх Хэнтий нутгийн хүү, дуучин Чулуунбаатар дуулсан юм. Дуучин Цэрэнчунт бас дуулж, цахимд ч тавьсан. Энэ жил Хэнтийн Батширээтийн хүү, дуучин Нямдаваа маань “Дангина”-г дуулж “Морин хуур”-т оръё гэж гуйсан. Би өмнө нь Нямдаваадаа “Балжмаахан”, “Сэнхэр нутаг” гэсэн дуу хийж өгч байлаа. Буриад талын уран бүтээлийг хөгжүүлье гэсэн буриад сэтгэлгээтэй хүүхэд л дээ. Нямдаваа “Дангина”-гаар нэгдүгээр шатнаас л өндөр оноо авсан. Хоёрдугаар шатанд тасархай оноо авч тэргүүллээ. Сонинбаяр дууны үгээ бүгдийг буриад аялгад оруулъя гэхэд нь би “Хэрэггүй ээ, өнөөдөр халх талдаа үгтэй байж нийтийн хүртээл болно. Буриад тал нь цөөхөн. Тэгэхээр цөөнхөд зориулсан юм болчихно. Халхуудынхаа дунд амьдарч буй юм чинь халхууддаа зориулсан байх нь зөв юм уу” гэж учирлаж байж энэ дуу бүтсэн дээ. Үнэндээ Монгол Улсад дөчин наймаас дөчин есөн мянган буриад байдаг юм шүү дээ. “Дангина” дууны нэртэй кино зохиолыг соёлын тэргүүний ажилтан Бямбаагийн Баярмагнай бичсэн. Кинонд энэ жил шуурхай орж байна. “Алтаргана” наадмаас өмнө дуусаж үзэгчдийн хүртээл болох юм.

-“Дангина” гэдэг кинонд юун тухай өгүүлэх бол?

-Дангина гэдэг чинь ерөөс дагина гэсэн үг л дээ. Дагина гэж гоо сайхан, үлгэрийн гүнжийг л хэлдэг шүү дээ. Үлгэрийн буюу Хурмастын хааны охиныг дагина гэдэг. Киноны гол санаа нь юу вэ гэвэл Асур тэнгэрийн долоон гүнж газар дэлхийд бууж цэнгэг усанд булхаад нисдэг. Газарт буухдаа гоо сайхан долоон охин болдог, нисэхдээ хун болон оддог. Есдүгээр зууны дунд үед монгол нутагт аж төрж асан Хорь Түмэдийн ноён Хорилардай мэргэн долоон гүнжийг бууж ирэхийг ан хийж явахдаа хараад нэгнийх нь хунгийн өмсгөлийг нуугаад авчихаж байгаа юм. Энэ дагина энд үлдсэнээр киноны үйл явдал цааш өрнөдөг юм. Ярьчихаар ямар ч сонирхолгүй болчихно биз дээ. (инээв. сур) Манай буриадуудын дунд Дангина гэдэг үг тэр домгоос улбаатай болов уу гэж би боддог юм.

-Таны уран бүтээлд буриадуудын тухай их тусдаг. Өөрөө буриад хүн үү?

-Би ч одоо буриадсаад байх ч юу байхав. Хүмүүс намайг “Чи буриад” л гэдэг юм. Би ч айхтар “Би буриад биш” гэж зүтгэдэггүй. Тэгэхдээ унаган удам угсаагаараа би цэвэр халх монгол хүн. Миний ус нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг. Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд сонсох нь ээ, Биндэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн гээд байгаа. Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Аав ээж хоёр минь хоёулаа халх, бүр боржигон хүмүүс юм. Аав Шаравын Агваанцэрэн Хөвчийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Хөвчийн Жонон вангийн хөх харчуулын нэг л гэж би өөрийгөө боддог. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан. Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өндөрхаанд очиж байв. Тэр бол аавтайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа. Би хөвч тайгаар нутаглаж байсан монголчуудын их дээд удам угсаатны нэг нь юм.

-Удам судраа хөөхөөр Чингис хаантайгаа холбоо сүлбээтэй болох нь уу, тэгээд?

-Мэдэхгүй, тэрийг би одоохондоо сайтар судлаагүй байна. Тэгэхдээ аавын маань аав Намсрайжав тайж гэж дөтгөөр зэргийн хохь тайж хүн байсан. Хөгшин ааваас маань дөрвөн сайхан хүү төрсний отгон нь миний аав. Аавыг хоёр настай байхад айлд өргүүлсэн юм билээ.

-Та хөгжмийн зохиолчийн хувьд дууны болоод хөгжмийн уран бүтээл аль хэр хийв дээ?

-Миний мэргэжлийн дуучдад зориулсан, симфони оркестртой дуулах хоёр зуугаад дуу бий. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони хоёрын ноотны санд байгаа нь гэсэн үг шүү дээ. Сүүлийн үеийн медиа хөгжимтэй хийсэн нийтийн дуу гурван зуугаад орчим юм байна. Нийтдээ таван зуугаад дуу хийсэн юм болов уу. “Хүн танаа”, “Тэмүжин Танаа” гэсэн хөөрхөн симфони удиртгал маягийн юмнууд бий. Бас таван киноны хөгжим бичсэн байдаг юм.

-За, ямар ямар кинонуудын хөгжим билээ?

-Хамгийн эхлээд “Мойлхон” киноныхоо хөгжмийг дангаараа бичсэн. Энэ хөгжмийн симфони оркестрийн хөрвүүлгийг 2008 онд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ах маань хийж өгч байсан. Казах, Монголын хамтарсан “Хүмүчи мэргэн” киноны хөгжмийг бичсэн. Японд болсон олон улсын кино урлагийн наадмаас хөгжим нь гранпри шагнал хүртэж байлаа. “Үхэрт Хүйтэн” гэж киноны хөгжим байна. Үхэртийн нууранд Хүйтэний булаг нь цутгадаг. Энд 1915 оны үед амьдарч байсан хоёр сайхан залуу хосын тухай “Үхэрт Хүйтэн” хэмээх ЮНЕСКО-д бүртгэгдсэн дуу байдаг. Энэ дуунаас домоглосон киног манай эхнэр Б.Баярмагнай бичиж, Өмнөд монголын гурван баргынхантай хамтарч хийсэн юм. “Тэнгэрийн хүү” гэдэг түүхэн кино, Улаанбаатарын шар хантаазтануудын тухай “Бардо” гэсэн кинонуудын хөгжмийг бичсэн юм байна. “Тэнгэр язгуур” хэмээх дуулалт киног 2016 онд хийлээ. Гоцлол, ари, романс, дуэт, квартет, найрал дуу гээд бүрэн хэмжээний төрлүүд багтсан дуулалт кино л доо. “Тэнгэр язгуур”-аа Говьсүмбэр аймгийн театрт тайзны уран бүтээл болгож тавих санаатай ажиллаж байна.

-Ардын уран зохиолч С.Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, эрдэмтэн-зохиолч Дүгэржавын Маам нарын их туурвилчдын зохиолыг нь бичсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Их хааныхаа дүрийг бүтээх их хувь заяа танд л тохиож дээ. Та энэ дүрээрээ дэлхийн монгол туургатны их хаан боллоо. Таныг хүлээж байхдаа хүртэл би их хаанаа л гэж хүндэтгэн хүлээж байлаа?

-(Инээв) Монголчуудын нандигнан хадгалж, өнөөг хүртэл шүтэн биширч, үр хүүхдэдээ үлгэр мэт ярьж өгдөг нэг том бүтээл бол “Монголын нууц товчоон” юм. “Монголын нууц товчоон” хэмээх энэ агуу бүтээлийг нэлээд хэдэн орон амьдруулах, дүрсжүүлж, кино болгохоор зориглосон байдаг юм билээ. Монголчуудын хувьд наян есөн оны өвөл Чингис хааныг мөнхжүүлэхийн тулд зүтгэсэн. Тэр үед С.Эрдэнэ, Д.Батбаяр, Д.Маам гуай нарын агуу их зохиолчид зориг шулуудан зохиолыг нь бичсэн. “Мандухай цэцэн хатан” Ш.Нацагдорж гуайн бичсэн зохиол шүү дээ. Хаалттай нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байсан түүх гээч юмаа их сайхан зохиомжилсон бүтээл шүү дээ. Дүрийг нь ч манай Сувдаа эгч сайхан гаргаж ирсэн. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хувьд бол хөдөлгөж болшгүй нэг зүйл “Монголын нууц товчоон” хэмээх судар байсан. Энэ судраар Өмнөд монголчууд маань кино хийчихсэн, Америк, Германчууд кино хийчихсэн үе шүү дээ. Миний хувьд төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ахад их талархаж явдаг. Наян есөн оны арванхоёрдугаар сард төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Нацагдорж багшийн “Үүлэн заяа” дуурийн нээлтийг хийсэн. Би тэр үед ДБЭТ-таа ажиллаж байлаа. Эхний тоглолтыг үзэж гарч ирээд Жанцанноров гуай “Энхтайван чамд баяр хүргэе. Чи маргааш дуулах уу” гэсэн. “Дуулна аа” л гэлээ. Тэгсэн маргааш нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны багийг тэр чигээр нь авчирч үзүүлээд, надтай уулзан, Кино үйлдвэр дээр намайг аваачсан. Тэгэхэд Монголын урлагийн байгууллагуудаар хот хөдөөгүй яваад таван зуу гаруй проб хийчихсэн байсан шүү. Ерэн оны хоёрдугаар сар хүртэл видео проб хийгээд “Та тэнцлээ” л гэсэн. “Би тоглохгүй, Дуурьтаа ажиллана” гэлээ. Эрдэнэбулган ах намайг “Тэр кинонд тогло чи. Чи наад толгойгоо мэддэг юм уу. Наадах чинь төрийн мэдлийн улсын толгой. Чи юундаа хийж энд хоргодоод байгаа юм” гээд сандлын мод бариад хөөж байсан даа. Тэгснээ дараа нь намайг өрөөндөө дуудаад “Эзэн богд Чингис хааны дүр гэдэг чинь хүнд тийм амархан олддог юм биш. Чи яв, тогло. Чиний 875 төгрөгийн цалинг 1250 төгрөг болгож Кино үйлдвэр рүү шилжүүллээ. Яамны сайдын цалин гэсэн үг. Хоёрхон жил шүү дээ. Завсарт нь Дуурьтаа дуулаад явж бай” гэсэн. Би чинь Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд дөнгөж тавхан жил дуулж байсан үе байхгүй юу. Би энэ таван жилд Дуурийн театртаа эрэгтэй хүний нарийн тенор хоолойны сонгодог бүх фактурыг хийчихсэн байсан юм. Тэрийгээ хаяад явна гэдэг надад их гунигтай байсан.

-Босгосон бүхнээ л нураана гэсэн үг байжээ дээ?

-Кинонд хоёр жил явчихаад ирээд дуулна гэдэг дахиад шинээр сурахтай адил юм болно шүү дээ. Хөгжим гэдэг чинь тийм нарийн, тэгж хүний ой тойнд шингээж байж, цэг таслалгүй гэдэг шиг бүх пауз энэ тэрийг цээжилж байж дуулдаг байхгүй юу. Булгаа ахыг учирлаад байхаар аргагүй Кино үйлдвэр рүү шилжиж очсон доо. Ер нь манай Балжинням багш ярьдаг юм. “Анх чамайг хааны 45 насны дүрд будуулаад ороод ирэхэд гол руу зураад л явчихсан” гэдэг юм. Би хэний дүрд тоглож буйгаа ч эхэндээ мэдээгүй. Төрийн соёрхолт зураач Пүрэвсүхээс асуухад “Яг шүү” гэж байсан. Эрдэнээ гуай, Батбаяр гуай, Маам гуай, Шаравдорж гуай нар намайг гарсны дараа “Ёстой сонин хүүхэд юм аа. Энэнтэй л ажиллая” гэцгээсэн байдаг юм.

-“Мөнх тэнгэрийн хүчин дор”-оос өөр ямар кинонд тоглолоо?

-Энэ кинонд тоглосноос хойш маш олон найруулагчид “Кинонд тоглооч” гэж урьж байсан. Төрийн шагналт найруулагч Балжинням багшдаа хэлтэл “Үгүй яахав дээ, Чингисээс илүү дүр бүтээнэ гэвэл тоглоод явахгүй юу” гэсэн. Тэгээд л би тэр саналуудыг хүлээж аваагүй дээ.

-Танаас хойш маш олон Чингис “төрсөн” дөө?

-Гаднахаа тоочихоо байг гэхэд дотооддоо маш олон Чингис төрсөн. “Хасар” Жагаа маань Чингист тоглолоо, Жамухад тоглосон Цагааны Төмөрбаатар маань Чингист тоглосон. Манай Шихихутагт тоглосон Батбаатар маань ч нэг Чингисийн дүр гаргасан. Махааны Оргил бас “BBC”-гийн ч бил үү, Чингист тоглосон гээд яриад байдаг. Би мэргэжил нэгт урлагийнхан, жүжигчдээ Чингис хааны дүрд тоглохыг ер буруушаадаггүй. Монгол эр хүн болж төрснийхөө хувьд тоглох л ёстой, бүтээх л учиртай. Гагцхүү хэн нь ямар дүр бүтээж, яаж ард түмэнд хүрсэн бэ гэдгийг манай ард түмэн өөрснөө л шийднэ. Аль Чингисийг шүтэх нь тэдний л дур. Өнөөдрийн байдлаар Чингис хаанд тоглосон бүх найзууддаа би баяр хүргэе. “Атга нөж” жүжигт Догмидын Сосорбарам маань сайхан дүр бүтээлээ. Би харин эдэндээ танай сониноор дамжуулж нэгэн зүйл учирлах гэсэн юм.

-Та юу учирлана гэж?

-Чингис хааны дүрийг бүтээсэн хүн бүхэн Их хааныхаа өмнө өртэй. Тиймээс энэ сайхан дүрийг бүтээсэн Монголын уран бүтээлчид минь ээ, бүгдээрээ нэгдэж нийлээд Бурхан Халдун уулан дээрээ очдоггүй юм гэхэд наад Цагаан арал дээрээс нь Бурхан Халдуныхаа оройг харж байгаад Их хааныхаа ариун цагаан сүнсэнд хүндэтгэл үзүүлсэн нэг юм зохион байгуулах юм сан. Болж өгвөл энэ жилийн наадмын наана хэдүүлээ ямар нэгэн юм тэнд хийе гэж уриалж байна. Их хааныхаа хувцас хунаргүй ч байсан амьдралынхаа жирийн хувцастайгаа очоод үнэн сэтгэлээсээ өчил өчөөд сайхан тахилга тайлга хийчих юм сан гэж би боддог юм. Тэгвэл мөн ч сайхан аа. Үүнийг л дамжуулж өгөөч гэж гуйя даа.


Categories
мэдээ цаг-үе

“Би эндээс явахгүй” жүжиг хүн чанарын дээд, хүлээлтийн сайхныг мэдрүүлсэн бүтээл болжээ

Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамт аз жаргалтай сайхан амьдарч байв. Гэвч, аз жаргал гэдэг алган дээр бөнжигнөсөн өндөг шиг л хэврэг юмсанжээ. Дорлиг эмч нэг эмнэлэгт хамт ажилладаг Сэржмаа хэмээх залуухан, сайхан бүсгүйд сэтгэлийн жолоо алдарна. Сэржмаа ч ажил үйлээрээ манлайлан олондоо нэр хүндтэй эмчид татагдана. Нууцхан хоёрын явдлыг Эмнэлгийн дарга, Дорлигийн анд Жамцын гэргий эмч Дэжид мэдсэнээр жүжгийн үйл явдал хурцдана. Дэжид Дулмаатай цагийг өнгөрөөх зуур түүний сэтгэлийн мэлмий Дорлигт хэт хайртайдаа сохорсныг дуулгана. Хэрвээ итгэхгүй байгаа бол Сэржмаагийнд очоод үз, тэнд Дорлиг байгаа гэж мөрийцсөн ч алдахгүй гээд гэрийнх нь хаягийг өгөөд одно. Дулмааг очиход Дорлиг залуухан амрагийндаа тухлагхан хэвтэж харагдана. Дулмаа нөхрөө аваад гарах гэтэл Сэржмаа “Хэвлийд минь Дорлигийн үр бий” гэж итгүүлнэ. Хань нөхрөө маягтай залуу бүсгүйд алдсан Дулмаа “Чамдаа би хэчнээн хайртай байлаа. Бүхнээс нууцалж явсан цорын ганц сайхан нууцаа ч хэлж явсангүй. Уучлаарай, намайг бүү хайгаарай” гэсэн захиа үлдээгээд одно.

Дорлиг хүнд мэс засал хийгээд гэртээ ирэхэд Сэржмядаг хялав цэхэвхийж нүүр үл өгнө. Нөгөөх хэвлий дэх үр нь лөөлөө болно. Ажлын бүтээмж муудаж тасгийн эрхлэгчээсээ хусагдан, сэтгэл санааны гүн дарамтад орсон тэрээр өнөөгийн хэлээр “өвгөнтийн хөндий”-д очно. Алдаж онож яваа эр хүнд эрх мэдэл, танил тал, амьдралын алив сайхан бүхэн аргалын утаа мэт замхарч оддог эд ажээ. Түүний сэтгэл зүрхнээс харин Дулмаагийн дулаахан эелдэг зан, ариухан хайр, даруухан төрх л замхарсангүй. Бага эмч Сэржмядаг Цэвэг хэмээх авьяас чадвар муу адгийн бодолтонтой хамсан Дорлигийг ажлаас халуулах зорилготой төдийгүй Жамцын эмнэлгийг ч завшихаар анхнаасаа үгсэн хуйвалдсан байжээ. Тэр бүү хэл тэр хоёр бүтэлгүй бодлоор төдийгүй бөөр бөгсний ч сүлбээтэн байсан хэрэг. Үүнд эмгэнэсэн Дорлиг архины лонхоор Цэвэгийг хашраасан нь архи саваа ч дийлдгийн үлгэр буюу.

Амьдралдаа алдсан Дорлиг эмч хөдөө аймгуудын эмнэлгүүдээр хайрт хань Дулмаагаа хайж ажилласаар арваад жилийг орхижээ. Эцэст нэг аймгийн эмнэлэгт саажилттай нэг хүүг эмчлэн мэргэжлийн ур чадвар, хүн чанарын дээдийг үзүүлж хөл дээр босгоно. Мөнөөх хүү ч эмчийг “Аав аа” л гэнэ. Жүжиг төгсгөл тийшээ ойртох тусам үзэгчдийн сэтгэлийн нандин утсыг хөндсөөр нулимсан булаг ундруулсанаар хүний амьдралын утга учир, хайртай хоёрын харьцаанд хүлээхийн сайхныг мэдрүүлсэн учралаар төгсөнө. Жүжгийн бэлтгэл хийгдэж байхад тэртээх жаран жилийн өмнө бичигдсэн зохиол тайзнаа хэрхэн амилдаг юм бол доо гэж гайхаж байсныг нуух юун. Энэ асуултаа төрийн соёрхолт найруулагч Наранбаатарт ч тавьсан. Тэрээр “Ямархан бүтээл болсныг үзсэнийхээ дараа яруу тодорхой мэдэгдээрэй” хэмээж байсан нь талаар болсонгүй. Түүнд Монголын үзэгчдийнхээ өмнөөс талархснаа илэрхийлье. Өнөөгийн будангуй энэ цагт хүн чанарын дээдийг өгүүлсэн сайхан бүтээл болжээ гэж хэлье.

Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн нээлт өнгөрөгч сарын 27-нд УДЭТ-ын алтан тайзнаа болсон нь энэ. Ардын жүжигчин Эрдэнэбатын Оюун 1958 онд С.Нинжбадгартай хамтран “Би эндээс явахгүй” драмын жүжгийг бичиж эл бүтээлийг 1959 онд ардын жүжигчин Б.Лоовойн найруулгаар театрт тайзны бүтээл болгожээ. Жүжгийн гол дүр Дорлигт жүжигчин А.Цэрэндэндэв, Дулмаад ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, Сэржмаад ардын жүжигчин Т.Хандсүрэн нар тоглож байжээ. Дээрх жүжгийн найруулагчаар УДЭТ-ын Ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар УДЭТ-ын Ерөнхий зураач Т.Ганхуяг нар ажиллаж, зохиолыг УДЭТ-ын утга зохиолын ажилтан Д.Мэндсайхан шинэтгэн бичсэн аж. Гол дүр Дорлигт соёлын тэргүүний ажилтан жүжигчин О.Гэрэлсүх, Дулмаад соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Баярмаа, Сэржмаад жүжигчин Б.Одончимэг, Жамцад жүжигчин Д.Баттөмөр, Дэжидэд авьяаслаг жүжигчин Ц.Баясгалан, Цэвэгт соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, сувилагч Должинд гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар тоглож дүрээ жинхэнэ утгаар амилуулцгаалаа. Жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд 1997 онд “Ромео Жульетта” жүжгийн Ромеод тоглосноосоо хойш хорь дахь жилийнхээ нүүрэн дээр ийнхүү шинэ дүр бүтээсэн нь энэ аж.

Хүн бүхий л амьдралынхаа туршид ямар нэгэн “сонголт”-ыг алхам бүрдээ хийдэг ч ямар ч тохиолдолд гэр бүл, ариун нандин хайр сэтгэл, үр хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай эцэг эх байх эрхэм үүргээ хэзээд юугаар ч сольж болохгүй юм. “Би эндээс явахгүй” жүжгээрээ зохиолч гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биедээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндсөн нь хэзээ ч үнэ цэнээ алдахгүй бүтээл болсноос илэрхий. Дорлиг Дулмаатайгаа, хүүтэйгээ эргэн учраад амьдралын хамгийн гайхамшигт агшныг мэдрэх үед үзэгчдийн хацар дээр уярлын нулимс бөнжигнөж байлаа. Ерэн сая төгрөгийн өртгөөр бүтсэн “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 10-ны өдрийг хүртэл тавигдах юм.


Categories
мэдээ цаг-үе

Яруу найрагч Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргөн барьсан бол “Амьдралын зураг” тоглолтоо аавдаа зориуллаа

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Баянмөнхийн Болорцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. Эдүгээ “Ээжийн минь үлдээсэн он цаг” шүлгийн түүвэр, “Зүгээр л инээмсэглэ” дуун цомгоо хэвлэлтэд бэлдээд байгаа аж.


-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байна. Мартын наймны дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Мартын найман гэхээр л ээжийгээ их үгүйлэн санадаг юм. Ээжийгээ хүүхэд байхдаа бас ч хөөрхөн баярлуулдаг л байж. Аав маань зураач мэргэжилтэй, зургийн багш Дэлэгийн Баянмөнх гэдэг Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат хүн л дээ. Мартын найман болохоор бид ээждээ ном бэлэглэхээр авцгаана. Аав ном бүхэн дээр гоё зураг зураад хүүхдүүдээрээ ээжид өгүүлнэ. Тэр л их сайхан дурсамжтай санагддаг даа. Миний ээж 2008 онд бурхан болсон доо.

-Монголын орчин цагийн дууны яруу найргийн нэгэн шинэхэн төлөөлөгч гэж өөрийг чинь хэлж болно. Уран бүтээлийн анхны цэнгүүнээ хийх гэж байгаа гэл үү?

-Би хавар болоод намрыг хүүхэн улирал гэж боддог. Хавар өөрөө ирж яваа нь хүртэл ээж минь юм шиг сайхан санагддаг. Энэ сайхан улирлын бэлэг болгон “Амьдралын зураг” хэмээх уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 14-ний 19 цагт Монгол бөхийн өргөөнд олон түмэндээ толилуулахаар зэхэж байна. Поп дива С.Наран “Амьдралын зураг” дууг минь дуулах юм. Наран эгч бас миний “Дөрвөн улирал”, Л.Балхжавын аялгуу “Тэврэлт” дуунуудыг дуулна. Би “Орчлон миний ширээний ном” анхны түүврээ ээждээ зориулан хэвлүүлж байсан бол энэ удаад аавдаа “Амьдралын зураг” тоглолтоо зориулж байгаа юм. Монгол цэргийн өдөр ч ойртсон учраас Монголын сайхан эрчүүд маань ирж үзэх байх. Монгол эр хүн бүхэн л алба хаасан ч бай, хаагаагүй ч бай эх орон, ээж аав, хань ижлийнхээ төлөө цагаа тулахаар эрдэнэт амиа зориулдаг эр цэргүүд, эрэлхэг баатрууд юм гэж би боддог. Миний сэтгэлээс төрж, гараар бичигдсэн бүтээл гайхамшигт аялгуугаар дамжин хүн зоны сэтгэлд зочилно гэдэг яах аргагүй яруу найрагчийн жаргал гэж хэлж болно.

-Өөрөө хэзээнээс яруу найрагч болохоор шийдэв?

-Би өөрийгөө хэзээ ч яруу найрагч болно гэж бодож байгаагүй. 1998 онд Хөвсгөл аймгийнхаа “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд түрүүлж, яруу найргийн гэгээн цутгалан болсон Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд элсэн суралцах урилгаар шагнуулсан. Ингэж “Хаан найргийн хатан Дулмаа” гэж алдаршсан ардын уран зохиолч Шагдарын Дулмаа багшийнхаа шавь болсон доо. Монголын эмэгтэй яруу найрагчдын дунд зохиогдсон Сономын Удвал ахайтны 80 насны ойд зориулсан “Их хувь заяа” яруу найргийн наадамд оюутан ахуйдаа түрүүллээ. Энэ бүхнийг бодохоор их хувь заяа намайг түшиж дээ гэж бэлгэшээж явдаг. Аав маань залуудаа шүлэг зохиол бичиж байсан. Эгч Б.Цоожчулуунцэцэг маань шүлэг зохиол их бичдэг, Хөвсгөл аймагтаа л сурлага, урлагаар ёстой л нэг од байсан шүү.

-Эгчийн сайны үр нөлөө дүүд нь тэгвэл халдаж дээ?

-Эгчийн авчирсан номнуудыг хонь малдаа явахдаа өвөртөлж явж их уншина. Манайх аймгийн төвийн айл ч гэсэн хашаандаа хонь, ямаа, галуу, тахиа, гахай, нохой, муур, хулгана, туулай гээд адуу, тэмээнээс бусад бүхий л мал амьтадтай байлаа. Би ч багаасаа л хонь мал, ус цасандаа явдаг, мод түлээгээ хөрөөдөж хагалдаг эршүүдхэн хүүхэд байж. Хониндоо явахдаа л эгчийнхээ хотоос авчирсан номуудыг өвөртлөөд гардаг байлаа. Тав зургаадугаар ангид байхдаа гэнэтхэн ээрч ярьдаг болсон. Аав, ээж хоёр маань ч санаа нь их зовлоо. Хээрийн бэлчээрт очоод номоо чангаар дуудан уншихад хонь ямаанууд маань урам өгөх шиг намайг хараад зогсчихно. Хүүхэд болохоор үүнд нь урамшиж уншсаар ээрдэг зуршил маань арилсан. Сүүлдээ уран уншигч болъё гэж ч бодсон удаатай. Уран уншигч болъё гэхэд хэн ч надад тоож шүлэг зохиолоо өгөх билээ. Тэгээд л өөрөө шүлэг бичиж эхэлсэн дээ. Тэрнээс биш аавынхаа зураач мэргэжлийг өвлөсөн загвар зохион бүтээгч болно гээд гэрээрээ дүүрэн хүүхний зураг хөглөрүүлсэн амьтан байдаг байсан сан.

-Монголын дууны урлагт нэгэн сайхан хөг аялгуу нэмсэн “Гангараа” дуугаа хэрхэн бичив?

-Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Мөнгөншагай найз минь “Монгол эрчүүддээ зориулж эр хүний гангарааны тухай дуу хиймээр байна” гээд нэрийг нь, санаатай нь надад хэлж өгсөн. Анх бичихэд эрчүүдийн гангараа гэхэд санаанд огт буухгүй байсан. Морь, хөөрөг, эмээлхэн л бодогдсон. Сүүлдээ эрчүүд бүсгүйчүүдийнхээс илүү их гангараа, гоёлтой юм байна гэдгийг ойлгосон. Хань ижил, үнэнч хайр, эрчүүдийн урвашгүй нөхөрлөл хүртэл гангараа нь юм байна гэж шүлгээ бичиж өгсөн. Энэ шүлэгт маань хөгжмийн зохиолч О.Эрдэнээ маань ч сайхан аялгуу туурвиж амилуулсан.

-“Зүгээр л инээмсэглэ” дуу чинь бас л хит болсон бүтээл дээ. Бүсгүйчүүдийн утасны дуудлагад их татагдсан байдаг юм билээ?

-Ээжүүдийн баяр болж байгаа юм чинь мэндчилгээ болгоод энэ шүлгээ дуудчих уу. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг маань захиалсан шүлэг л дээ. Бүсгүйчүүд их дуртай юм шиг байна лээ. “Зүгээр л инээмсэглэ” дууны аяыг соёлын тэргүүний ажилтан Б.Мөнхжаргал зохиосон юм.

“Гол мөрөн миний толь юм

Гоо сайхан миний сэтгэл юм

Үүрийн гэгээ хүслэнт энгэсэг минь юм

Өглөөний наран хөөрхөн ааль минь юм

Ядахын маяг, гунихын шалтаггүй

Яг л байгалаараа байх би дуртай

Гоё харагдах дэндүү амархан

Зүгээр л инээмсэглэ, өөрийнхөөрөө бай

Уулын жимс миний будаг юм

Урьхан салхи миний сам юм

Өвс ногоо хайртай үнэртэн минь юм

Өдөр бүхэн гоёлын даашинз минь юм

Байгаль өөрөө миний үзэсгэлэн

Байгаагаараа байх нь миний гоёл юм

Цэнгэг агаар дуртай дарс минь юм

Цэцэгт нуга болор шаахай минь юм”

Зүгээр л инээмсэглэж явахад энэ орчлон хэчнээн сайхан гээч. Тэгэхэд өнөөдөр хүмүүс ямар их сэтгэлийн чилүүртэй аж төрж байна аа. Замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл дуут дохиогоо хангинуулж бухимдацгаагаад л. Тэгэхэд байгаль биднийг ямар сайхан, өөрийнхөөрөө хүлээж авдаг билээ дээ. Энэ тухай өгүүлсэн шүлэг л дээ.

-Дуунууд чинь өөрт тань ямархан даль жигүүр хайрлав?

-Зөвхөн дуу ч биш шүлгүүд маань ч надад урам хайрлах амжилтыг авчирсан шүү. С.Удвалын нэрэмжит “Их хувь заяа”, “Алтан үзэг”, “Бага цом” яруу найргийн наадмуудын тэргүүн шагнал, Д.Равжаагийн нэрэмжит “Мөнгөн цом”, Д.Пүрэвдоржийн нэрэмжит “Хөх үндэсний гал”, Р.Чойномын нэрэмжит “Залуу нас-2001, 2002”, Хойд бүсийн “Болор цом”, “Алтан цом” яруу найргийн наадмын дэд байр, оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2010” наадамд “Ижий дэлхийн өчил” дуугаараа тэргүүн байр, 2012 онд “Монгол аялгуу” нийтийн шилдэг хайрын дууны төрөлд “Чин үнэнч”, 2015 онд нийтийн шилдгийн шилдэг дуугаар “Гангараа”, 2016 онд нийтийн шилдгийн шилдэг дуугаар “Зүгээр л инээмсэглэ”, 2017 онд “Монголын радио чарт” нийтийн шилдэг 10 дуунд “Түвшин жаргалтай хурим”, “Амраг намар” дуу тус тус шалгарсан даа.

-Цэнгүүнд ямархан авьяастнууд оролцох бол?

-Ардын жүжигчин А.Долгор эгч “Морин хуур-2010” наадмын гранпри шагналт дуу “Ижий дэлхийн өчил”-ийг, поп дива С.Наран маань “Аав” киноны дууг, соёлын тэргүүний ажилтан О.Баянмөнх “Хамаг Монголын мялаалгын дуу”-г, Л.Банзрагч “Аав л ээж минь”, Н.Мөнгөншагай “Гангараа”, “Түвшин жаргалтай хурим”-ыг, Б.Мөнхжаргал “Цас бороо”-г, Б.Алтанжаргал “Ээждээ л илүү эрхэлдэг орчлон”, “Хаашаа ч битгий яваарай”-г, Л.Нарантуяа “Адуу манасан шөнө”-ийг, М.Отгонгэрэл “Ээжийн эзгүйд”, Э.Төрмандах “Зунаараа намар”-ыг, Э.Чулуунчимэг “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”-ыг, А.Түмэн-Өлзий “Чи минь мэдэхгүй”, Г.Машбат “Амраг намар”-ыг, Б.Энхбат “Ойрхон доо”-г, “Гурван бүдүүн” хамтлагийн Шагай “Дурласан хүүхнүүд”, Х.Мөнгөнцэцэг “Чин үнэнч”, “Нууцхан”-ыг тус тус дуулж толилуулна. Мөн Өмнөд Монголын дуучин Г.Улаансарнай, Т.Мөнхзул, Б.Уранзаяа, Т.Цогсогмаа нар оролцож миний шүлэг “Амар амгалан”, “Дурласан минь худлаа ч байж магадгүй”, “Хүслэнт хайр”, “Хайраа“ тэвэрье” дуунуудыг минь дуулж байгаа.

-Яруу найрагчид хүрэлцэн ирэх үү?

-Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа багш маань, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын тэргүүн шагналт яруу найрагч Л.Хасар, Ц.Эрдэнэбаатар, миний эгч сэтгүүлч, зохиолч Б.Цоожчулуунцэцэг нар маань оролцож шүлэг найргаа уншицгаана. Тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Best buidan”, Хөвсгөл аймгийн нийслэл хот дахь нутгийн зөвлөл зэрэг газрууд оролцож байгаад маш их баярлаж байна. Анхны тоглолт болохоор заримдаа ч учраа олохгүй л явна. “Амьдралын зураг” уран бүтээлийн цэнгүүнийг маань үзэхийг хүсвэл 96887070, 99270902 дугаарт холбогдоно биз дээ!

ГАНГАРАА

Шүлэг Б.Болорцэрэн Ая О.Эрдэнэ

Агсам хул морины булигаанд үлдэж гангарнаа

Аавын ган хэтний цахианд асаж гангарнаа

Аз ивээсэн өдрийн одыг өвөртөлж гангарнаа

Аатай тэнзэн ташуураа тулж гангарнаа

Галтай эрчүүдийн удам билээ

Ганган харчуудын үргэлжлэл билээ

Эмнэг хуй салхины зулайд исгэрч гангарнаа

Эрэл хол замын эзгүйд жаргаж гангарнаа

Илүү заяатай чонын сүлдэнд бууж гангарнаа

Итгэлээ өгсөн андын нэг л зангаар гангарнаа

Галтай эрчүүдийн удам билээ

Ганган харчуудын үргэлжлэл билээ

Нүнжиг даасан буяны алганд багтаж гангарнаа

Нүд булаасан бүсгүйн тавиланд ханьсаж гангарнаа

Уртын сайхан дуугаа нартад хадааж гангарнаа

Ухаанаа өвлүүлсэн өвгөдөө дуурайж гангарнаа

Галтай эрчүүдийн удам билээ

Ганган харчуудын үргэлжлэл билээ

Categories
мэдээ цаг-үе

Пүрэвдоржийн Цэрэндагва: Жүжигчний мэргэжил сонгоход ах маань “Чи бусдын хэлээр ярьдаг ажилтай болох нь, буянаараа болог” гэсэн дээ

Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагватай уулзаж ярилцлаа.


-Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний ээж тэмээчин” дууны клипэнд та ханьтайгаа тоглосон нь үзэгчдийг уйлуулж уяруулсан. Та сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна?

-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл төлөвлөсөн уран бүтээлүүддээ ороод явж байна. Удахгүй үзэгчидтэйгээ “Говийн домог” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киногоороо уулзана. “UBS” телевизийн хамт олны хийж буй энэ кино л одоохондоо томоохон уран бүтээл маань юм уу даа. Отгонжаргалын “Миний ээж тэмээчин” дуунд ханьтайгаа оролцон тоглосон. Ер нь эхийгээ хайрлаж, хүндэлж, дээдэлж явна гэдэг хүмүүн болж заяасны шинж гэж ойлгодог учраас энэ дууны клипэнд орооч гэсэн саналыг бид хүлээж авсан. Хамгийн гол нь бүтэц нь их сонин санагдсан. Юу вэ гэхээр зүгээр нэг дууг дүрсжүүлэх биш богино хэмжээний кино ч байж болохоор хэмжээнд сэтгэж хийсэн учраас тоглосон гэхэд болно. Дуучин маань ямар сайхан дуулсныг үзэгч, сонсогчид маань таашаан хүлээж авч байгаа нь сайшаалтай.

-Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манайхны хэлж заншсанаар Мартын 8-ны баяр болох гэж байна. Та ханиа яаж баярлуулдаг вэ?

-Хүн ханиа яаж баярлуулдаг билээ, тэр жишгээс хазайгаад байх нь хаашаа юм. Би олноос онцгойрох юм уу, олонд чирэгдэх гэдэг хоёр туйлшралыг тэгтлээ нэг их ойшоодоггүй. Ер нь хүн өөрийнхөө үүрэх ёстой ачааг үүрсэн шиг үүрэх ёстой л гэж боддог. Тийм л өрхийн тэргүүн байгаа юм. Ханийнхаа тухай ярина аа гэдэг чинь Цэрэндагва төрдөө үнэлэгдэж, түмэндээ хүндлэгдэж яваагийн цаад талд хатан ухаан сүлсэн ханийн минь нөмөр нөөлөг дэндүү их байдаг юм аа гэдгийг би хэний ч өмнө хэлэхээсээ тэгтлээ нэг их ичдэггүй. “Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг” гэлцдэг юм билээ. Ингээд хэлчихсэнийхээ төлөө тэнэг гэж дуудуулахаасаа нэг их эмээгээд байдаг хүн би биш. Юу үнэн гэвэл хань минь надад өнөөг хүртэл нөмөр нөөлөг болж яваа нь орчлонгийн ганц үнэн. Тийм учраас хань бидэн хоёр бие биеэ хүндлэн дээдэлж, учирлан хүлцэх минь уудам хорвоод улам их болж байх шив дээ. Бид хоёр уран бүтээлийн ажилд том жижиг гэлтгүй оролцох ёстой ажилдаа оролцоод явж л байна. Аливаа уран бүтээлд жижиг сажиг гэсэн ойлголт байдаггүй. Гагцхүү тэнд сэтгэл, итгэл, зүтгэл байж л ажил болдог.

-Эмэгтэйчүүдийн баярын дараа Монгол цэргийн өдөр гээд л баяр үргэлжилдэг дээ?

-Цэргийн баярыг манайхан цэргийн хугацаат албанд зүтгэж байгаа хүмүүсийн баяр мэт ойлгодог тал байдаг байх. Гэхдээ эр хүн бүхний бодож, сэдэж, сэрж явах ёстой баярын нэг нь энэ. Ер нь баяр гэдэг юманд нэг их хөвсөлзөн хөөрөөд байдаг хүн би биш. Баяр тэмдэглэснээрээ улс орон хөгждөг цэцэглэдэг бол Монгол орон хөгжил цэцэглэлтийн туйлд хүрэхээр болчихоод байна. Аливаа баярын үлдээцтэй зүйл, хүртээмжтэй хандлага нь ямар юм бэ гэдгийг бодож хийвээс баяр бүхнийг тэмдэглэж болно. Гагцхүү баярыг тэмдэглэснээр нийгмийн хөгжилд ямар түлхэц өгч байгаа юм бэ гэдэг тал нь илүү байваас баярын утга учир тодорхой болно.

-Таны ах Пүрэвжавын Сандуйжав гэж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, авьяаслаг яруу найрагч хүн байлаа. Ахынхаа тухай яриач?

-Ахыгаа маш их үгүйлж байна. (Нүдний шилнийх нь цаана нулимс нь цийлэгнээд ирэв. сур) Маш их санаж явдаг зүйлийн маань нэг ах минь юм. Миний ах нэг их олон юм яриад цээжээ дэлдээд, хашгичаад гуугачаад явдаг хүн биш. Монгол эр хүний амин ухаан гэж ямар юм байдаг юм бол тэр хэмжээнд амьдрал ахуйгаа авч явсан хүн. Зөвхөн өөрийнхөө амьдралыг ч биш өнчин үлдсэн хэдэн дүү нараа өргөж тээж хоолонд нь хүргэсэн, ханьтай болсноосоо хойш ханиа хүндлэх, ханиа хайрлах, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх бүх зүйлд өрхийн тэргүүн шиг явсан ийм хүн. Олонтой, найз нөхөдтэй, тэднийхээ итгэл сэтгэлийг үүрч дүүрч явж чадсан хүн байсан гэж би боддог юм. Намайг жүжигчний мэргэжил сонгоход хамгийн их эсэргүүцэж дургүйцэж байсан хүн бол миний ах. Ээж маань ахад “Юу гэх вэ, цаадахаа дураар нь орхи” гэж хэлснээр ах маань буулт хийсэн. Би амьдралдаа ахаасаа зөрсөн ганц тохиолдол энэ байх. Миний ах надад “За, хүү минь чи, насаараа хүний хэлээр ярих мэргэжил сонголоо доо. Энэ хүний хэлийг өөрийн хэл болгох гэж мөн ч их зовох байх даа. Буянаараа болог дээ” гэж хэлсэн. Тэр үедээ энэ үгийг би сайн ухаараагүй. Би энэ үгийг одоо санах сэрэх болгондоо хүний хэлээр ярьж яваа гэдгээ ойлгодог. Хүний хэлийг өөрийн болгох гэж тавь гаруй жилийг жүжигчний ажилд үрчихэж дээ. Тэр үг нэг зорьсноосоо буцахгүй байхын ташуур, чигээрээ зөрүүдэлсэнийхээ хэрээр бодож явах бодлыг тархинд нэвт шингээж өгсөн нь миний ахын ухааны цараагийн нэг илрэл юм даа. Ахыгаа хүндэлж хайрлаж явсан.

-Хүндлэл хайраа яаж илэрхийлж байв?

-Ахыгаа баярлуулах гэж хичээж байсан. Тэр нь юу вэ гэхээр бурхан болтол нь дэргэд нь архи уух битгий хэл, тамхи татахыг ч цээрлэнэ. Тамхийг нууж татаж явсаар ахыгаа үдэж өгсөн дөө. Тэрийг маань ах мэдээгүй биш мэдрэхийн дээдээр мэдэрсэн байх. Дүүгээ эмээж байхыг хараад баярлаж байсан болов уу.

-Ахтайгаа хэдэн насны зөрүүтэй билээ?

-Бид хоёр арваад насны зөрүүтэй.

-Орчин үед “хүн ахтай, дээл захтай” байх нь алдагдсан юм шиг санагддаг. Танд ийм зүйл анзаарагдах юм уу?

-Анзаарлаа гээд яахав дээ. Бидний сонгоод авчихсан нийгэм чинь л энэ шүү дээ. Яг нийгмийнхээ мөн чанарыг таниад ирэхээр “Би, би” гэдэг өвчнөөр билэг танхай болох гэж шуурсны, маш товчхон хэлбэл зээлдмэл ухаан, эшлэлийн онолоор явсныхаа горыг амсаж байна гэхээс биш хэлэх үг олддоггүй юм. Бид чинь монголчуудад өөрийн гэх ухаан гэж юм байдаг бол түүнийгээ гээчихсэн хүмүүс шүү дээ. Тэгээд бусдын гял цал юманд нүдээ унагаснаа соёл гэж эндүүрсэн. Тэрэнд өөрөө юмгүй юм шиг уулгалан дайрсныхаа горыг одоо амсаж явна даа. (Тэрээр яг л жүжгийн галзуу хүний дүр бүтээж буй мэт авзаатай зэвүүнээр чанга хөхрөн инээв. сур)

-“Монголоо алдмар” гэж өвгөдийн нэг муухай хараал байдаг даа. Тэр үг биеллээ олж байна гэж хэлж болох уу?

-За, тэгж амны алдас хийгээд яах вэ. Одоо цагт ярьж байгаа юм бол амны алдас. Ер нь бодох л ёстой үг. Энэ байтугай юмыг саналгүй, сэрэлгүй орхисныхоо гайг амсаж байна гэж товчхондоо хэлээд байгаа юм шүү дээ. Тэрнээс биш ийм нэг амны алдас болсон зүйлийг яриад байвал улс орны хөгжилд нэмэр болохоос нэрмээс болох нь их болов уу даа. Чиний наад хэлж байгаа үг чинь яг үнэн. Биеллээ олж байна гэж хэлж болно. Бид хэзээ ухаарч, гэгээрч, сэхээрэх юм бэ гэдэг л их бодууштай юм даа.

-Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан алтан үеийнхний олон тэгш ой энэ жил тохиож байгаа. Зуун жилийн ой нь тохиож буй төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун гуайтай та хэр ойр байв?

-Театр гэж буянтай айлын босгоор давж орсноо би өөрийнхөө авьяас билэгтэйдээ бус Монголын тайзны урлагийн ахмадууд, алтан үеийнхэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн хүмүүсийн билгийн хараатай холбон бодож явдаг. Тэр хүмүүсийн нэг Оюун багшийнхаа шавь нь болж явлаа. Тэнд Оюун багшийн дуу гарахад энд миний тавхай гялалзаад зугтаж явсан болохоос ойртож ярьж хөөрч байх тийм боломж байсангүй л дээ. Айж эмээхээс гадна тэр агуу хүнийг хүндэлж бишрэхтэй холбоотой. Ганцхан Оюун гуай ч биш бүхий л ахмадуудынхаа үгийг нь сонсож явсан хүн л дээ, би. Энэ жил манай театрын их олон хүний тэгш ой тохиож байгаа. Тэднийхээ талаар бид л ярихгүй бол хэн ярихсан билээ. Бид л хийхгүй бол хэн хийхсэн билээ гэдэгчлэн багшийн зуун жилийн ойг тохиолдуулж УДЭТ-ын удирдлага санаачилж “Би эндээс явахгүй” жүжгийг нь залуу зохиолч Мэндсайханы шинэтгэснээр алтан тайзнаа тавьж үзэгчдэдээ өргөн барьж байгаа юм. Бүтээлч хүн гэдэг бүтээлээрээ мөнхөрдөг юм байна гэдгийг олон түмэндээ хэлээд зогсохгүй энэ бүхнээс авах, гээхийн ухаанаар бодох юм их байна шүү гэдгийг хэлье.

-Бид ер нь юугаа гээгээд байгаа бол?

-Монгол ёс заншил, монгол соёл, монголтой холбоотой бүхнийг мартагнуулах гээд байна уу даа гэж би их халагладаг. Үүнийг төр засаг руу чичлэхээсээ өмнө хувь хүн би Монгол байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, Монгол гэж ярихын тулд юу хийсэн юм бэ гэдгээ иргэн бүр санаж, сэдэж, ухаарах цаг нь болсон.

-Ардын жүжигчин Мэндбаяр гуай та хоёр зохиолч А.Шартолгойн “Ренчиний Чойном” жүжигт тоглосон. Одоо яруу найрагч Намжимын Очирбат агсны “Хөх дэвтэр” номын хуримд уригдан ирж. Яруу найрагчидтай их дотно байв уу?

-Миний яриад байгаа монгол хүн байхын жинхэнэ утга учир нь Намжимын Очирбат гэж энэ сайхан яруу найрагч байлаа. Энэ хүн надаас ахмад. Миний ах П.Сандуйжавын МУИС-ийн оюутан ангийн анд. Н.Очирбат найрагч хүнийг хөгшин залуу, хөрөв нялх гэж ялгалгүй хэнийг ч бай хүнтэй хүнийх нь хувьд харьцаж чаддаг нь намайг татдаг байсан. Энд бас мэргэд цуглаж байна. Үгийн урлагийн мастеруудынхаа үгийг сонсохоор би ирлээ. Яагаад бид яруу найрагчдыг хайрлаж хүндэтгэдэг юм бэ. Өнөөдөр монгол хэлнийхээ төлөө бүгд анхаарахгүй бол устаж мөхөх аюулын харанга дэлдэх цаг тулаад ирчихсэн байна шүү гэдгийг санаж сэрэх хэрэгтэй. Зохиол бичдэг хүмүүс ч анхаарах хэрэгтэй. Монгол хэлний эгшиглэнт чанар алдагдаад байна. Эгшиглэнт чанар алдагдана гэдэг ярианы хэлэнд яруу сайхан монгол хэл маань уусаж мөхөж байгаа юм шүү. Эзээгүй унших хүн цөөрчихсөн учраас тайвшраад байх шиг байна. Уншдаг хүн ихдээд ирэхээр нэхэгдэхээс өөр гарцаагүй ажил болж байна гэж би мунхаглаж явдаг юм даа.

-Муусайн яруу найрагч, зохиолчид, жүжигчид, дуучид нийгэмд юу ч хийж бүтээдэггүй амьтас гэж дорд үзэх хүмүүс олширлоо…

-Ярилгүй яах вэ, наадах чинь монгол эр хүнийг хүчгүйдүүлэх, монгол хүмүүсийг хооронд нь яавал эвтэй найртай байлгахгүй байх вэ гэсэн гаднын хорт бодлого яваад байгаа юм биш байгаа гэж би их эмзэглэдэг. Уран бүтээлчид хийж байгаа бүхнээ илүү их бодож хийх хэрэгтэй болж байна.

-Цагаан сар саяхан болж өнгөрлөө. Танд хацраа үнэрлүүлэх дүү нар, шавь нар жилээс жилд олшроод байгаа биз?

-Сэтгүүлч та нар ч бас асуух юмаа асууж л байж санаа амардаг улс л даа. Маш товчхон хариулахад миний үнсүүлэх хүний тоо цөөрөөд, үнсэх хүний тоо нэмэгдэж байгааг нуугаад яахав. Насны хувьд ч, элээсэн он жилүүдийнхээ хувьд ч ийм жамтай учирдаг юм байна. Ингэх тусмаа өнгөрсөн үеийг дурсаж, бодож санахдаа “Үлдээх юм маань юусан билээ” гэдгийг эргэцүүлэх цаг гарцаагүй ирж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

М.Мөнхбаатар: “СТЕМ” хөтөлбөрт байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик дөрөв багтаж байгаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн захирал, дэд профессор, доктор М.Мөнхбаатартай уулзаж ярилцлаа.


-Та багш мэргэжлээрээ хэдэн оноос ажиллав?

-Миний бие 1997 оноос МУБИС-д биологийн багшаар ажилласан. Үндсэндээ 20 гаруй жил багшилжээ. Судалгааны ажил маань Монгол орны хоёр нутагтан буюу мөлхөгчид, хүйтэн цустай амьтан гүрвэл, могой, мэлхий байсан. Үүгээрээ ч эрдмийн зэрэг хамгаалсан. Сүүлийн нэг жил МУБИС-ийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд газрын даргаар нэг жил орчим ажиллалаа. 20 гаруй жил багшлахдаа оюутнуудтай ажилладаг байсан бол одоо 1-12дугаар ангийн хүүхдүүдтэй ажилладаг болоод байна.

-МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль бусад сургуулиас юугаараа ялгарах онцлогтой бол?

-Манай сургууль 2014 онд байгуулагдахдаа багш бэлтгэдэг их, дээд сургуулийн дэргэд Ерөнхий боловсролын сургууль байж болно гэсэн хуулийн дагуу байгуулагдсан. Монгол Улсын хэмжээнд багш бэлтгэдэг МУБИС боловсрол болон багшлахуйн талаар гарч байгаа шинэлэг арга зүй, шинэ туршлагуудыг туршиж үзэх, цаашид улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилготой. МУБИС-ийн эрдэмтэн, багш нарын боловсруулсан хөтөлбөрөөр хичээллэснээр боловсролын хувьд чанартай хүүхдүүд төрөн гарна. Одоогоор манай сургууль 1-12дугаар ангидаа өдрийн 360-аад сурагчидтай, 50 орчим багш ажилчин, англи хэлний хоёр гадаад багш, хятад хэлний нэг багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургуулийн давуу тал бол МУБИС-ийн түшиц сургууль гэдгээрээ онцлог. Түшиц сургууль болохоор байгалийн ухааны болон гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай байдаг. Байгалийн ухааны хичээлүүд маань мэргэжлийн тэнхимүүдийг түшиж явагддаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн тэнхимийн доктор, профессорууд онолын хичээл орж, манай үндсэн багш тэдний дадлага хийх үндсэн материал баазыг маань ашиглаж лаборатори хичээлийг явуулдгаараа давуу талтай. Энэ сургуулийн бас нэг давуу тал бол нэг ангид 28-аас дээш хүүхэд хэтрүүлэхгүй гэсэн дотоод журамтай. Бусад сургуулийг бодвол хүүхдийн тоо цөөн. Хамгийн гол нь тоондоо биш, сургалтын чанартаа байдаг үр дүнг үзүүлэхийг зорьж байгаа.

-Танай сургууль бас өдөр өнжүүлэх ангитай гэл үү?

-Өдөр өнжүүлэх бүлэгтэй. Үүнд бага ангийн хүүхдүүд хамрагдах сонирхол ихтэй байдаг. Эцэг эхчүүд нь ажилтай тохиолдолд хүүхдээ өдөр өнжүүлэхэд өгөөд орой авах боломжтой. Сургууль хоёр автобустай. Хүүхдүүдээ чиглэлд нь хүргэж өгдөг.

-Гадаад хэлийг хэддүгээр ангиас нь сургаж байна?

-Өнгөрсөн оны хичээлийн жилээс эхлээд гадаад хэлний чиглэлд анхаарч эхэлсэн. Хоёрдугаар ангиас нь англи хэл заана. Англи хэлийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсаас сайн дурын ажилтан нэг багш, Америкийн Денверээс ирсэн бас нэг сайн дурын багш заадаг. Хятад хэл болон япон хэлийг сурагчид зургаадугаар ангиасаа сонгож суралцдаг. Хятад хэлний багшаар Күнзийн институтээс хятад багш ажиллуулж байгаа. Япон хэлний багшийн хувьд япон хэлний тэнхимээс мэргэжлийн зэрэгтэй их сургуулийн багш ордгоороо давуу талтай гэж болно.

-Сургуулийн цаашдын зорилгын талаар яриач!

-Манай сургалтын зорилго хариуцлагатай боловсон хүчин бэлтгэх юм. Дэлхий нийтээрээ “СТЕМ” гэдэг хичээлийн шинэчилсэн технологийг ЕБС-д нэвтрүүлж эхэлсэн. БСШУСЯ, Азийн хөгжлийн банкны бага боловсролыг дэмжих төсөлтэй хамтран Монгол Улсын хэмжээнд байдаг 600 орчим ЕБС-ийн сургуулиудад “СТЕМ” сургалтын зааврыг тараасан байгаа. Цөөн тооны багшийг сургагч багш болгон бэлтгэсэн байдаг. Энэ “СТЕМ” хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулиудын нэг бол манай сургууль. Зөвхөн бага ангидаа биш 1-12 дугаар ангидаа “СТЕМ” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэсэн зорилго тавиад ажиллаж байна.

СТЕМ хэмээх хөтөлбөрийн тухай тайлбарлаач!

-СТЕМ гэсэн үг бол байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математик сэтгэлгээ гэсэн дөрвөн үгийн товчлол. Энэ чиглэлээр сурч хөгжих хүүхдүүдийг багаас нь бэлтгэж, цаашид оюун ухаанаа хөгжүүлэх хөрс суурийг бэлдэх төсөл юм. Гарах үр дүн нь бага, дунд, ахлах ангийн сургалтад “СТЕМ” хөтөлбөрийг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлснээр технологи, математик, байгалийн ухаан, инженерчлэлийн боловсрол өндөртэй хүмүүс төрөн гарч улс орноо хөгжүүлэх юм. XXI зууны боловрол бол СТЕМ гэж нэрлээд байгаа. Ер нь 2030 он гэхэд аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал цахим биет үйлдвэрлэлийн эрин үе эхэлнэ гэж судлаачид үзэж байгаа. Дэлхий даяар 800 сая ажлын байр бүрэн автомат болно. Бид кибер ертөнцөд ажиллаж, амьдрах болчихоод байна. Энэ нөхцөлийг эзэмшүүлэгч нь заавал “СТЕМ” хөтөлбөр байна гэдэг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөд явж байна. Олон улсын хэмжээнд бага ангийн сурагчдын гуравны хоёр нь ирээдүйд ажлын байранд гарахад шаардлагатай мэдлэг боловсролыг эзэмшиж чадахгүй байна гэсэн судалгааг эрдэмтэд гаргасан юм билээ. “СТЕМ” боловсрол хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээ, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх хэрэгсэл нь болж өгнө гэж үзсэн байгаа. Үүний гол харилцаа нь мэдээлэл харилцааны технологид үндэслэсэн.

-Сурагчид хичээлийн бус цагаар ямар дугуйлангуудад хамрагдаж байна?

-Хичээлийн шинэ жилийн эхэнд МУБИС болон холбогдох газруудын хөрөнгө оруулалт үе шаттай хийгдсэний үр дүнд бага ангийн биеийн тамирын кабинет, дуу хөгжмийн ангийг тохижуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилээс сурагчдын тоо нэмэгдэж хоёр ээлжинд шилжиж хичээлээс гадуурх үйл ажиллагаа, дугуйлан, секц, олон нийтийн ажил явуулах өрөө тасалгаа хомс байгаа. Хэдий тийм боловч бид сурагчдын хөгжлийг дэмжих үүднээс өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан сурагчдыг Урлан бүтээх төв, Спортын ордны дугуйлан, секцэд хамруулж байна. Биеийн тамир, дизайн технологи, байгалийн ухааны хичээлүүдээс биологи, химийн хичээлийн сонгон, лаборатори хичээлүүдийг мэргэжлийн тэнхимүүдийг түшиглэн лабораториудад хичээллэж байна. Хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжих бүжиг, найрал дуу, гимнастик, үндэсний хөгжим, робот, гар урлалын дугуйлангуудыг нэмэлт хөтөлбөрөөр ажиллуулж байгаа. Сургуулийн хэмжээнд 15 төрлийн дугуйлан, секц хичээллэж байгаа бөгөөд нийт сурагчдын 70 хувь нь хамрагдаж байна. Хичээлийн хөтөлбөрт оюун ухааныг хөгжүүлэх шатар, даам, сэтгэх чадварын хичээлүүдийг бага ангиас нь эхэлж оруулдаг.

-Сурагчдын сайн сурахад орчин бас их нөлөөтэй биз?

-Сургуулийн орчныг сайжруулах тал дээр нэлээн анхаарч сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийн асуудлыг үе шаттай шийдэж байна. Тухайлбал, нийт 10 ангид “55-Samsung” брэндийн зурагт, хоёр ангид “Acer” брэндийн проектор тус тус байрлуулсан нь орчин үеийн сургалтад нэвтэрч байгаа идэвхтэй сургалтын аргуудыг ашиглах боломж бололцоогоор хангаж байна. Мөн МУБИС болон БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар сурагч ширээ, сандал, багш ширээ сандал, шкаф, тавиур, чанга яригч, ком цахилгаан хөгжим, ширээний компьютер, принтерийн асуудлыг шийдүүлж сургалтад ашиглаж байна.