Categories
мэдээ цаг-үе

Махчин ургамлууд ан хийх өөр өөрийн аргатай

Африк, Австрали тивд махчин ургамал байдаг тухай сонсоод жихүүцмээр санагддагсан. Сав, шимийн ертөнцөд сонин зүйл олон ч байх юм. Тэрний нэг нь л ангуучин заяатай ургамлын тавилан юм. Ургамал амьтад шиг явах эрхтэнгүй, сонсох чихгүй, араа соёогүй, хүн амьтан шиг хараагүй мөртлөө гадаад хүчин зүйлээ бие эрхтнийхээ үсэнцэр, өргөсний эд эсээрээ мэдэрч, амьтныг ямар ч араатнаас дутахгүй барьж хөнөөгөөд “хоол тэжээлээ” болгон зооглодог аж. Дэлхий дээр одоогийн байдлаар ангуучин амьдралтай 19 овгийн 630 гаруй зүйлийн ургамал манай Дэлхийн янз бүрийн орчинд тархан ургадаг байна. Эдгээрээс манай оронд Эгэл тосондой, Тагийн тосондой, Бөмбөөхэй, Бага Бөмбөөхэй, Тагийн Тосондой, Австралийн Бөмбөөхэй, Завсрын Бөмбөөхэй гэсэн зүйлүүд тархан ургана. Амьтныг “бариад” зооглочихдог хэсэг ургамал байдаг бол зарим ургамал хүний сэтгэлийг хөдөлгөдөг уянгалаг хөгжмийн аяыг мэдэрч, сонсон баясаад өсөлт хөгжилт нь түргэсдэг талаар зохих мэдээлэл авах боломжтой гэхээр ургамал яах аргагүй амьтай бодгальд орох биз.

Байгаль дахь элдэв амьд биесийн үлдэгдэл, аливаа хог новшийг ногоон ургамлын ялгаруулсан агаар дахь хүчилтөрөгч л исэлдүүлэн устгаж хүрээлэн байгаа орчныг ариутгадаг. Хүн, амьтан барьж иддэг махчин ургамал байгаа юу гэсэн асуулт XIX зуунд хүн төрөлхтөнд тулгарчээ. Амьд байгаль судлаач, Английн их эрдэмтэн Чарльз Дарвин шавьж идэштэй ургамлын тухай бичсэний дараа ангуучин ургамлын талаар янз бүрээр бичиж болжээ. Хүний нийгэмд махчин овог аймаг байгаа юм чинь амьтан, хүнээр хооллодог махчин ургамал байж л таараа гэсэн дэгсдүүлсэн олон домог яриа үүсчээ. Үүний нэг нь Мадгаскарын оршин суугч, ламтан Карл Лихегийн Америкийн сэтгүүлд 1860 онд бичсэн өгүүлэл юм. Тэрээр “Мадагаскарын ойн гүнд үзүүртээ барын хумс шиг хурц өргөстэй, аймшигт мөчиртэй заан шиг аварга том мод сүртэй чимээ гарган ой шугуйг найгуулан хүний мах зооглохоор заналхийлнэ.

Газар, тэнгэрийг доргиосон аймшигт чимээгээр нутгийн иргэд жилд хоёр удаа махчин модыг тайвшруулан хүний махаар хооллодог гэнэ. Гар хөлөө янгинатал хүлүүлсэн олзны хүнийг модны дэргэд аваачихад аварга модны тэмтрэгч мөчрүүд могой шиг хяхтнаж исгэрсэн дуу чимээ гаргана. Махчин ургамлын зоогийг бэлтгэсэн зэрлэг омгийнхон модыг тайвшруулахаар тойрон бүжиглэж, аймшигт модны үсэрсэн шүүснээс золиос болох хүнд хүчлэн амсуулж хорт шүүсэнд согтсон хүний хүлээг суллаж тавина. Гар хөл нь суларсан ч ухаанаа алдсан хүн тачигнатал инээсээр модонд өөрөө авиран гарна. Аймшигт мод хахирган дуу гарган урь цагаан өргөст мөчрүүдээрээ идэшний хүний бүх биеийг хоромхон зуур ороож, нүд ирмэхийн зуур ямыг нь шажигнуулан няцалж их биедээ шингээн хооллоно” гэж бичсэн бөгөөд үүнийг нь үнэн гэж батлах хүн ч олон гарсан гэдэг. Тэр ч байтугай нохойг ч махчин мод барихаа шахсан, хүнийг могой мэт орооход арайхийн мултарч амь гарсан гэх цуу яриа ч гарчээ. Энэ бүхэнд хариу болгож ургамал судлаач В.Лей худлаа гэдгийг нь баталжээ. Ан барьдаггүй ч шавьж болон жижиг амьтдыг барьдаг ургамлууд цөөнгүй байдгийг харин мэдэж авчээ.

“Ялаа баригч хатагтай” хэмээх ёгт нэрээр цоллогдсон ургамал гэхэд навчныхаа дээд хэсэгт жад хэлбэрийн гурван хурц хатгууртай бөгөөд навчны баруун тал нь нугастай мэт эвхэгддэг гэж байгаа. Шоргоолж, ялаа, цох хорхой, аалз зэрэг томоохон шавьжууд дээгүүр нь явахад навч угаараа эвхэгдэн, хурц үзүүртэй жадаараа сүлбэн тогтоож авангаа захынхаа сойзных мэт үсүүдээр бүрхээд авна. Тиймээс түүнийг “үмхэдэг хивсэн сойз” гэх нь ч бий. Түүний газар дээрх навчийг ажихад од хэлбэртэй төдийгүй нарны гэрэлд харанхуй тэнгэрийн од мэт гялалзахад сониучхан шавьжнууд сонирхон очиж идэш болдог байна. Навчин дээр шавьжийг гүйхэд нүд ирмэхийн зуур хавхийгээд хаагдана. Навч бүрийн захад нь байх 16-20 ширхэг шүднүүд яг идшээ барьж буй араатны шүд мэт зөрж хаагдах учир идэш болсон амьтан хичнээн зүтгэлэвч гарч үл чадна. Харин ч шавьжны хөдөлгөөний аясаар улаавтар өнгөтэй булчирхайлаг хэсгээсээ шүүс ялгаруулан идшээ боловсруулж эхэлдэг байна. Ингэж гэдсэн навчаа цүдийтэл дүүргэсэн ангуучин ургамал долоо хоногийн турш цатгалан байснаа навчаа нээж, ээлжит золиосоо хүлээнэ дээ. Энэ харгис ч гэмээр ургамал Атлантын далайн эрэг орчмын Хойд Америкт ховорхон тохиолдоно.

Монгол орны хувьд ялаа шавьжаар хооллодог ангуучин ургамлын хэд хэдэн төрөл байгааг биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэг судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулжээ. Тэрээр дэлхийн болон Монгол орны махчин ургамлын талаар “Ангуучин ургамал” хэмээх ургамлын ертөнцийн сонин хачныг өгүүлсэн танин мэдэхүйн ном хэвлүүлсэн аж. Хөвдөт намгийн “мангас” хэмээн нэрлэсэн Үст хиг (Droserar rotundifolia L.) гэдэг ургамал ялаа буухад урт навчинцрын тэмтрүүлүүдээрээ базаж авна. Навчных нь үзүүрээс шүүс ялгарч, ялааг ямар ч хөдөлгөөнгүй болгон наалдуулж буй нь ажиглагджээ. Мөнөөх ургамалд хиамыг ялаанаас ч жижиг болгон өгөхөд ямар нэг үйлдэл хөдөлгөөн үзүүлээгүй бөгөөд харин ялаа буунгуут л хумин авч байсан амьд “гүнцэг”-ээр л хооллодгийн тод жишээ гэж өвгөн эрдэмтэн өгүүлсэн. Эл ургамал Хүдэрийн гол орчимд ургадаг ажээ. Тэрээр усанд шавьжаар хооллодог Бөмбөөхэй (Utricu­laria L.)-н дөрвөн зүйл манай орны Хөвсгөл, Хэнтий, Хангай, Хянган, Монгол дагуур, Ховд, Дундат Халх, Их нуур, Олон нуурын ургамал газарзүйн тойрогт тархдаг гэж байв. Италийн эрдэмтэн Альдровандийн алдар нэртэй адил “амьд хавх” гэсэн утга бүхий нэршилтэй ургамал Ижил, Днепр, Амударья мөрнүүд болон Кавказ, Алс дорнодын гол мөрнүүдэд тархсан байдаг аж. Түүний навчний гадна тал нь өргөсөөр бүрхмэл, нимгэн хоёр дугуй бөмбөлөг мэт харагдана. Навчны угт байх үслэгүүд нь усны бөөс, бясаа зэрэг жижиг амьтдыг хумьж аваад навч нь яг хавх шиг хаагдаж амьтнаа хөдөлгөөнгүй болгон авладаг байна. Эрдэмтэн судлаачдын дунд “Наалдан пад” хэмээгддэг бас нэг ургамал бий.

Ангуучин ургамлын хооллох арга нь ургах орчны байдал, байгаль, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан өөр өөр онцлогтой байдаг. Манай орны Хөвсгөлийн өндөр уулсын намагжсан орчинд ургах цагаан цэцэгтэй Тосондой (Pinguicula L) гэдэг ургамлын навчийг ажихад яг л тос түрхсэн мэт гялалзах агаад навчин дээрээ шүүс ялгаруулах мөөг мэт маш олон цэврүүтэй аж. Ганцхан сантиметр хавтгай дөрвөлжин талбайд 25 мянган ширхэг шүүс ялгаруулах булчирхайлаг цэврүүтэй. Шавьжнууд Тосондойн гялалзсан өнгөнд татагдан очиход навч нь шүүс ялгаруулан цэврүүндээ наалдуулаад тахиралдан хумирахад яг л наалдан пад болгон ямар ч хөдөлгөөнгүй болгодог байна. Ингээд хүчиллэг шүүс ялгаруулан идшээ боловсруулан, бүх биедээ тараана. Тосондой бусад “махчид”-аасаа их ховдог гэсэн. Тэрээр амьд шавьжаар хооллохоос гадна махны өөдөс, сүү, тараг, мөгөөрс, талх зэргийг хаяж өгөхөд барьж аваад дорхноо л шүүс ялгаруулаад зооглочихдог гэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын уушги болсон моддыг битгий тайраач

-НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД БОЛОН ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР Т.ГАНТӨМӨР НАР АА, МОД БИТГИЙ ТАЙРУУЛААЧ-


Д.Ринчен усны гидро инженер хүн. Унаган багаасаа хотын төв Бага тойрууд өсөхдөө хотын төв гудамжны битүү ногоон төгөлд сэтгэл баясан алхаж явжээ. Өнөө харин хотын төвийн гэлтгүй Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол дүүрэг дэх олон жилийн настай улиаснууд хатангаршин хатаж үхэх болсонд гүнээ харамсан манай сонинд хандан хамт явж сурвалжлага хийхийг хүссэн юм. Тиймээс өчигдөр орой зөвхөн Бага тойруу буюу Ататуркийн нэрэмжит V сургуулиас нэгдүгээр дэлгүүр (хуучнаар) хүртэлх хэсэгхэн зайд очиж мод бүхний дэргэд зогсон эмгэнэл илэрхийлэх шахуу бичил яриа үүсгэсэн юм.


-Та юуны учир бухимдан, зөвхөн модны төлөө ярилцъя гэх болов?

-Энэ хавь Бага тойруугийн гудамж байхгүй юу. Бага тойруугийн гудамж арван жилийн өмнө битүү модтой байлаа. Тавдугаар сургуулийн үүд, Нэгдүгээр дэлгүүр, Соёл урлагийн их сургууль гээд ямар сайхан мододтой байлаа. Тэр үед ямар сайхан байсан гэж санана. Одоо тэгэхэд тожийгоод тожийгоод, зарим мод нь ёрдойгоод хатчихсан, бүр хожуул болчихсон. Байгалийнхаа жамаар өтгөн мөчрөө ургуулж буй модод дээлтэй ханхар хүдэр эрс шиг, харин мөчрөө тайруулсан модод нь биеийн тамирын цамцтай доогуураа нүцгэн, дээгүүрээ халзан өвгөд шиг харагдаж байгаа биз. Хатчихсан мод нь энд тэндээ булцуу ургачихсан байгаа биз.

-Тийм байна. Энэ булцуу ч мөчир биш юм байна шүү дээ?

-Юун мөчир. Мөчрийн ор ч биш. Наадах чинь модны өвчин. Энэ модод яагаад ингэж хатаж өгрөв өө. Яагаад ингэж хатав гэхээр буруу тайралт хийснээс болсон. Модыг тайрч болдгийг дэлхийн олон орны туршлага гэрчилнэ. Модыг тайрахдаа мөчрийн үзүүрээс нь ердөө 10-15 хувийг л тайрдаг. Модны нийт мөчрийн 15 хувиас илүү тайрч болдоггүй юм. Гэтэл манайхан 70-90 хувийг нь тайраад хаячихаж байна. Нэг гол дээр арван мянган мөчир байя гэж саная. Тэр мөчир бүхний тоогоор газар доогуур үндэс байдаг. Нэг үндэс нэг мөчрийг тэжээх гэж л газар доор амьдарч байна. Газар доороос агаар, ус, шимээ авч мөчрөөрөө дамжуулан хотын агаарыг цэвэршүүлж, дуу чимээг шүүж балансыг нь тэнцвэржүүлж байдаг. Нэг мөчир ямар их ус барьдаг, ямар их агаар үйлдвэрлэдэг, ямар их дуу чимээ шингээдэг, ямар их таатай орчин үүсгэдэг, ямар их агаар цэвэрлэдэг гэж санана . Модод хүний нүдний баясгаланг нэмж, үзэсгэлэн гоогоороо гайхуулна. Хамгийн гол нь Улаанбаатарын ганц амьсгалах уушги чинь энэ модод байгаа юм. Тэгэхэд мөчрийг нь тайрсан модны булцуунууд идээ бээртэй нүүр шиг болчихдог. Булцуу үүсээд ирэхээр модонд гажилт үүсдэг. Гажилтанд орохоор үндсүүд хоорондоо тэмцэлдээд мөчрүүд нь хатангаршин үхэж эхэлдэг.

-Модыг тайрах шалтгаан байгаа учраас хотын мэргэжилтнүүд тайрч байгаа байлгүй дээ?

-Орон сууцны айлуудын цонхыг модод хаадаг байлаа гэж бодъё. Цонх руу нь модны мөчир орж ирэх гээд байж болно. Тэгвэл мэргэжлийн хүн зогсож байгаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах ёстой. Улаанбаатар хотод дендрологич гэж хүн мундаг өндөр цалин цавуу аваад байж байгаа. Дендрологич бол Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ерөнхий архитекторч хүн шүү дээ. Тэр хүн моддыг яагаад ингэж буруу тайруулаад байна вэ гэвэл ямар ч мэдлэггүй хүн байгаа байхгүй юу. Мэдлэггүй ч гэхэд хаашаа юм, тэр нөхөр ямар ч үүрэг хариуцлага хүлээдэггүй хүн байгаа юм. Тэр л бидний уушгийг урж хорт хавдраар ард түмнийг тарчлаахаар моддыг тайрч байна гэхэд хилсдэхгүй. Тэр дендрологич уг нь ХААИС-ийг ч юм уу, гадаадын аль нэг сургуулийн диплом өвөртөлсөн л хүн байж таараа шүү дээ. Жирийн нэг физикийн багшийг тэр албан тушаал дээр тавиагүй л байж таарна. Тэгэхэд тэр хүн “Тайр” гэж хэлэхээс өөр юм мэддэггүй. Хот тохижуулахынхан ч ямар ч засаг замбараагүй хүрч ирээд тайрдаг. Энэ л их харамсалтай байгаа юм. Тавдугаар сургуулийн урд талд доор хаяхад дөч тавиад улиас байлаа. Одоо ердөө наймхан мод л амьд байна. Үхсэн моддын хожуулыг нь туркууд өрөвдөөд хэрэм, шонхор шувууны дүрс гарган сийлсэн байх жишээтэй. Тэрнээс манай хотын захиргааныхан ийм юм хийхгүй шүү дээ.

-Таны бодлоор яах ёстой бол?

-Мод нэг бүр дээр мэргэжлийн эмч хүний сэтгэхүйгээр хандах учиртай юм. Хэдэн жилийн өмнө Барилгачдын талбай орчмын барилгуудын зоорийн давхраас ус ундраад сүйд болов. Дараа жил нь Засгийн газрын ордон усанд автлаа. Энэ юу болов гээд Усны бодлогын хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийлээ. Учрыг нь их л удаж олсон. Бага тойруугийн мод үхэж эхэлсэн тул газрын гүнд барьдаг усаа алдаж байж. Тэгээд байшингуудын подваль усанд автсан. Аажимдаа хуурайшсан. Ийм аюултай юм болсон.

Үүнийг өнөөдөр хэн ч тоохгүй л байна. Энэ юу гэсэн үг вэ. Хүнд хагалгаа хийж байгаа нойрсуулагч, нарийн мэргэжлийн эмч, сувилагч, асрагч хэн ч байлаа гэсэн бүгд өөр өөрийн үүрэгтэй. Тэгэхэд модны мэргэжилтнүүд ажлаа огт хийхгүй байна. Тэд шинээр мод ургуулахаа байг гэхэд өмнө нь бие даагаад ургачихсан байсан улиас моддыг устгах л ажил хийж, үүнийхээ төлөө улсаас цалин авч байгаа. Магадгүй тэд Улаанбаатарыг утаатай, чимээтэй байлгаснаар төслийн мөнгөөр амь зууна гэж эндүүрцгээж байх шив. Өнөөдөр үргэлжлүүлээд л тайрч байна. Модод гэр хорооллын утааг маш их хаадаг. Модгүй болохоор хүйтэн орчин барилгын гадна хананд татагдан хотын төв рүү орж ирдэг. Халуун утаа хүйтэн хананд кондинсаци үүсгэх нөхцөлөөр урсдаг.

-Модоо тайрч барсны гашуудал ч барагдахгүй л юм байна даа?

-Хотын төвийн модоо үхүүлсэн гудамжны айлууд дуу чимээнд ядаргаа тусч нойргүйтэл гэдэг өвчинд нэрвэгдсээр байна. Улиас гэдэг мод чинь өөрийнхөө байгалийн жамаар ургахдаа гурав дөрвөн зуун жил насалдаг мод байхгүй юу. Өдөр шөнө, өвөл зун гэхгүй амралтгүй ургана. Бараг услах ч шаардлагагүй. Газрын гүнээс үндсээрээ усаа олоод татчихдаг чадвартай мод.

-Улиасны унгирал хамар ам руу орлоо, харшил хөдөлгөлөө гээд байдаг даа?

-Тэр унгирал чинь хамар руу нэг их ороод байдаггүй юм шүү дээ. Зүгээр л нүдний өмнүүр л мирэлзээд хөвөөд байдаг юм. Харшил огт өгдөггүй юм билээ. Улиас чинь өөрөө байгалийн амьтан. Тиймээс үр хөврөлөө л цацаж байна. Энэ бол байгалийн хууль. Байгалийн хууль явагдаж байхад “Гэрт хийсэж орж ирлээ, хамар аманд орлоо, харшил хөдөлгөлөө” гэж байгаа нь хүмүүсийн хувьд муухай байгаа байхгүй юу. Унгирлаас илүү харшил хөдөлгөхөөр зуны тоос, өвлийн утааг тоохгүй шахуу мөртлөө ургаа хэдэн модоо үзэн ядсаар дуусгаж байх шив дээ.

-Ургаж байсан улиас моддоо устгаж дуусаж байгаа юм байна. Одоо тэгээд яах ёстой билээ?

-Хотын дарга Сундуйн Батболд, хотын менежер Гантөмөр хоёрт захиж “Хотод ургаж байгаа энэ цөөхөн модыг битгий тайруулаач ээ. Тайруулахаар бол инженер нь, дендрологич нь очиж зогсог. Өөрсдийн чинь хумсыг засах гээд хурууг чинь тасдвал ямар байх вэ. Хотын дарга та үсээ сайхан захлуулаад засуулчихъя гээд ортол хуйхыг чинь улайтал хусчихвал ямар байх вэ. Улаанбаатар хотынхоо уушгийг битгий тайраач” л гэж хэлье.


Categories
мэдээ цаг-үе

Тангадын Галсан: Загдын Түмэнжаргал хоёр үгийнхээ нэгэнд миний нэрийг хэлдэг шавь минь байсан

Зүүн гараас З.Түмэнжаргал, орчуулагч Алтанзагас, Т.Галсан нар

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч туульч өөлд Тангадын Галсантай уулзаж хөөрөлдлөө.


-Багш, шавийн барилдлага гэдэг эцэг эх, үрийн заяанаас ч эрхэм дээд зүйл байдаг гэж Бурхан багшийн сургаальд дээдлэн номлодог. Та багшийн тухай “Хормой өвдгөөс нь адис авмаар хүмүүн-бурхан” гэсэн сайхан шүлэг бий. Таныг Б.Ринчен багштайгаа Түйн голын гүүрний хашлага түшээд зогсож буй сайхан зургийг харж байлаа. Багшийнхаа тухай дурсаач!

-Ринчен багш маань гурван охин, нэг хүүтэй хүн байж. Цөмөөрөө том эрдэмтэд, хүү нь академич Барсболд. Гэтэл тэр аугаа их хүний сэтгэлд хүүгээсээ дутуугүй хайрлаж явах тийм ардын хүүхдүүд байжээ. Түүний нэг нь Хөвсгөл нутгийн Арбулаг сумын Жамцын Бадраа гэдэг шавилхан сайхан цагаан шар банди байлаа. Түүнийг Монгол-Жагарын харилцааны соёлын их элчин болно гэж найдаад, Жавахарлал Нерутэй өөрөө танил учраас, Энэтхэгийн ШУА-ийн ерөнхийлөгчтэй найз учраас Жагар оронд хоёр гурван хүүхэд явуулж сургахаар болж эхэнд нь шавь Бадраагаа явуулсан байгаа юм.

-Их гүүш Ж.Гэндэндарам гуай бас суралцахаар явсан байдаг байх аа?

-Завхан нутгаас төрсөн их соён гэгээрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Гэндэндарам явсан. Өөр Гэндэндарам нэртэй хүн ч дараа нь явсан. Ри багш тооны багш Чой.Лувсанжавыг хэл шинжлэлийн эрдэмтэн болгоод Бээжинд явуулна гэдэг төрсөн үрээсээ дутахгүйгээр шавь нарынхаа төлөө сэтгэлээ сааж явдаг хүнийг багш гэдэг юм болов уу даа.

-Багш тань Баянхонгорт ямар ажлаар очиж тантай тийн тухтай уулзсан бол?

-Муу нэртэй, луу данстай нэг муу нөхөр говьд тэмээ хариулж байдаг. “Энэ золигт нэг бараагаа харуулчихъя. Хэтийн хувь заяанд нь гэрэл болох хэдэн үг хэлье” гэж бодсон шиг байгаа юм. Баруун тийшээ явах эрдэм шинжилгээний хээрийн хайгуулын ангийг зориуд Баянхонгороор дайруулжээ. Уг нь Архангайгаар, Эгийн даваагаар явчихад, Ховд зүглэхэд дөт байж л дээ. Баянхонгорт ирэхээсээ урьд “Төдөнд очно шүү” гэж хэлүүлсэн. Тэгээд багш аймгийн “Номгон” буудалд эрдэм шинжилгээний ажилтнуудыг хоол, унд, архи сархдаар дайлан, УИХ-ын гишүүн Л.Болдын аав, өөрийнхөө үнэнч шавийн нэг эрдэмтэн Сономын Лувсанвандангаар аргацаалгачихаад сэмээрхэн давхиад Түйн голын хөвөөн дээр ирэхэд би цаад талын бургасан дотроос Чойномтой цуг шоронд ордог Очирхуягтай цуг гарч ирж уулзсан. Түүнтэй цуг ирдэг нь нэгдүгээрт гэрчтэй, хоёрдугаарт баталгаатай байх ёстой гэж бодсон хэрэг. Тэр чинь Очирхуягийн авсан зураг шүү дээ.

-Хэдэн оны хэдэн сард байв?

-Яг худлаа хэлж бас болохгүй. Тэр чинь жаран зургаан оны өдийд юм байна шүү. Гол баринтгаа тайлаад эхэлчихсэн, гэхдээ бас цөнтэй байсан цаг. Багш айлдахдаа “Мөс мөнх биш шүү” гэсэн юм.

-Голын мөс гэж ойлгохоор л хэлжээ?

-Модон дотор дуу хураагуур тавьчихсан бол “Тэнэг өвгөн голын мөсний тухай хэлж байна” гэхээр өгүүлсэн. Гэтэл цаад углуургаараа “Социалист ертөнц чинь мөнх биш шүү. Чамд хайртай Бал дарга чинь мөнх биш шүү” гэсэн их өөдрөг ухааны үг юм даа. Дараа нь “Та юун төлөө туульч удамтай билээ. Тэмээний бэлчээрт арван найман цаг сууж байхдаа нэг бол дэлхийн сонгодгийг уншаад бай. Нэг бол аавынхаа хайлж байсан Монгол Жангараа хэлхээд байгаарай” гэсэн. Энэ бол хүн хүнд байх жаахан давуу талыг Монголын төлөө ашиглах л гэсэн бодлого байж л дээ. Эрдэмтэн Алтанзагас надад сүүлд “Танаар тэмээ хариулуулж байхын оронд буман үгтэй толь бичиг биччих гэсэн бол аштай байх вэ. Я.Цэвэл багшийн толь гучин мянган үгтэй. Гурван түмэн үгтэй. Тэгсэн бол аль эрт буман үгтэй тольтой болчих байж” гэж байсан. Тэгэхээр хэрэгтэй үед тухайн хүний авьяас чадварыг дайчлахыг л зөв төр гэдэг юм уу даа. Ри багшийн сургасан буянаар Сталин багшийн Халимаг Жангар биш, Мао багшийн Шинжаан Жангар биш, жинхэнэ монгол найраглалын хэв шинжийг хадгалсан Монгол Жангартай болдог түүх ийм. Их Монгол Улсаан байгуулсны 800 жилийн ойгоор “Оюуны хамгийн шилдэг бүтээл”-ээр шалгарч байсан нь ШУА-ийн үнэлгээ байсан байх л даа.

-Таны туурвисан “Монгол Жангар” ч аргагүй Монголын оюуны эрдэнэсийн санд багтах бүтээл болсон шүү…

-Гэтэл хожим Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байсан нэг хүн урд очоод “Өө, манайд бол Жангар байхгүй. Монгол Жангаргүй улс шүү. Жангар чинь ерөөс Шинжааных” гэж хэлсэн байдаг юм. Оюун ухааныхаа өв болгоныг манайх биш гэдэг нэг хэсэг үе байлаа даа. Тэр нөхөр “Та нар хүүхдүүдийн өгсөн архийг сайхан хайрцаглаарай. Худам монголоор бичсэн номууд хэрэггүй ээ. Багш нь ямар уншиж чадах биш. Авч явахад ачааны нэмэр” гэж манай Хэл зохиолын хүрээлэнгийн захирал асан хэлсэн гэхээр ямар гунигтай байна вэ дээ. Зайлуул хөөрхий, тэр хүний л байгаа царай тэр. Уг зүй нь “Танайх бол олдворын цуглуулга юм. Манай Жангар бол сонгодог туульсын хэв шинж юм даа. Бид гүйцэд гаргаж чадаагүй. Гаргана аа. Ер нь Шинжааных ч бай, Халимагийнх ч бай, Монголынх ч бай цөмөөрөө нийлж байгаад дэлхийд төгс төгөлдөр жинхэнэ Жангарыг гаргаад авъя” гэж ярьсан бол Монголын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал тэднийг ялсан мундаг хүн болно доо. Тэгэхэд “Талын хар”-ыг мартав аа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Би сайн багшийн муу шавь юм.

-Яаж тэгж хэлж болох билээ. Та бодвол сайн шавьд тооцогдох байлгүй дээ?

-Муу шавь гэдгийн тухайд багшийн итгэсний хэмжээнд ихийг бүтээж чадаж уу, үгүй юу гэдэгт байгаа юм л даа. Ямар ч гэсэн монхор Галсангийн төлөө бүтээл хийхийг хойш тавиад монгол оюуны их өвийг хүн төрөлхтөнд хүргэх юм сан гэж чөмгөө дундалж суух юм. “Монгол ертөнцийн гурав”-ын гурван боть гаргасан. Герман орчуулаад дөрвөн ном хэвлэчихээд “Өрнө бол бол суурьшил иргэний гүн ухаан юм байна. Монгол ертөнцийн гурав бол нүүдэл соёл иргэншлийн гүн ухаан юм байна. Ертөнцийн гурав бол Монголыг судлах зайлшгүй судлагдахуун болжээ” гэсэн байна. Энэ маань багшийн өгсөн гэрийн даалгаврыг бага дутуу ч биелүүлсэн юм бол уу. Гурав гэдэг надад дунд дүн шиг санагдаад байдаг. Одоо таван ботиор гаргачихъя. Хэн яаж гаргах вэ гэхээр Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, төрийн шагналт аугаа эрдэмтэн Гаадамба багштны хүү Билгүүдэй “Та ертөнцийн гурваа бүрдүүлээд ирээч. Бид оюуны ямар асар их өв болохыг дэлхийд таниулъя” гэж байна лээ. Энэ бол нэг үг. “Монгол Жангар”-ыг аваад очиход “Огторгуйн цагаан гарьд” их эрдэмтэн Л.Хүрэлбаатар, академич Х.Сампилдэндэв нар мөн ч их баярлаж байсан. Хэрвээ надад Ри багш шиг ийм их оюуны жолоодогч байгаагүй бол би хөдөө нэг мянгат малчин болчихсон даалуу тоглохдоо П.Бадарчаас сайн, зах зээлийн гайгүй ухаантай, гаднаа хэдэн эвдэрхий тэрэг тавьчихсан “Гуйрамчингууд аа” гээд орилсон нэг юм л болох байсан байх. Эрдмээр авьяасыг хөтөлнө гэдэг аугаа юм. Ри багш даалгавар өгнө гэдэг цаагуураа Шинжлэх ухааны академи надад итгэсэн хэрэг шүү дээ.

-Таныг хэн ч бай Галсан багш гэж хүндэтгэлийн сэнтийд залдаг. Энэ ч нэгдүгээрт насыг тань, удаад нь эрдэм номыг тань хүндэтгэсний илрэл байх. Айл айлын хоймор дахь цэнхэр дэлгэц ч таныг бас багш болгодог биз. Харин Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, дууны шүлгийн нэрт мастер, зохиолч яруу найрагч Загдын Түмэнжаргал агсан таны жинхэнэ дотны шавь байснаараа бахархдаг байсныг сайн мэдэх юм. Түмээ ахын жаран тавны ойд зориулсан “Монголын тал нутаг” дурсамж тоглолт энэ сарын 18-нд болох юм билээ?

-Түмэнжаргал намайг одооных шиг алд шар хадагны үнэтэй биш алгахан самбайны ч үнэтэй биш хүн байх үед яруу найрагч гэж таниад ирсэн юм. “Арвайхээр” найраглалыг маань багадаа сонсоод уйлдаг байсан хүүхэд юм билээ. Би хүүгээ нэгдүгээр сургуульд аваачиж тушаалаа. Манайх Барилгачдын долоод учраас тэр сургуульд хүүг минь авах ёсгүй. Захирал нь гавьяат багш Гомбосүрэн, хичээлийн эрхлэгч нь гавьяат багш Цэрэнннадмэд байсан. “Ардын хүүхэд энэ сургуульд сурч болох уу” гэж асуусан учраас тэд манж үгэнд биш, цочоотой үгэнд юм бодсон нь тодорхой. Хүүгийн ангийн багш гээд Багшийн сургууль төгсөөд ирсэн бор банди байдаг юм байна. Тэр нь Загдын Түмэнжаргал. Хажуухан талын өрөөнд төгөлдөр хуур дуугараад л, тэгсэн тэр нь хөгжмийн билэг танхай зохиолч, Чингис хаан одонт, урлагийн гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Б.Шарав байлаа. Шарав бас манай нутгийн Гончигсумлаа гуайн гарын шавь. Хоёулаа Баянхонгорын хүний гарын шавь нар болдог нь их сонин ерөөл. Ч.Лодойдамба гуайн баян Итгэлтийн угаадсыг нь долоож байснаа урдаас нь хуцдаг нохой болсон Галсангийн дүрээр Галсан гэдэг нэр хүмүүсийн сэтгэлд таагүй буудаг байж. Үзэл суртлынхан болохоор Галсан гэхээр нэрийг нь соль гэнэ. Ямар сайндаа аугаа их Дашдооровын зохиол “Эх бүрдийн домог” киноны том хамартай өвгөний нэрийг Галсан гээд болохгүй болохоор Сангал гэж тонгоргож нэрлэсэн байгаа юм шүү дээ.

-Таны нэр ч ёстой амандаа хэлэмгүй аймшигтай үг байжээ?

-Нийгэм нэг өвчин тусахаараа ч мөн инээдтэй байдгийн жишээ юм даа. Тийм үед хоёр үгнийхээ нэгэнд “Миний Галсан багш” гэж хэлдэг нэг үл бүтэх нөхөр гарч ирсэн нь Түмэнжаргал байгаа юм. Зүгээр нэг сохор сүсгийн юм уу, их алдартан багшийн шавь болох гэсэн хэнээрхэл биш байжээ. Хичээл тараад хүүг маань хөтлөөд манайд очин, Найгалын гарын хоол идэн, шүлэг урлах эрдмийг надаар заалгадаг тийм хүүхэд байсан. Та нар бол яг нарийндаа Түмэнжаргал шиг урлах эрдмийн хичээл надаар заалгаагүй л дээ. Би ч “Маргааш ирэхдээ төдөн шүлэг бичиж ирэхгүй бол надтай уулзаад хэрэггүй шүү” гэж хатуурхана. Зохиолчийн хөдөлмөрт тэгж албадаж оруулсан юм даа. Эхний шүлэг нь сайн байсан гэж би худлаа ярихгүй. Анхны бэрхшээлийг даван туулахад нь шилбүүр барьж байгаад хурга шиг шавхуурдан тэр хүүхдийг элдэнгэшүүлж байсан юм бол уу даа. Ер нь тэгж зовоосон хүүхэд надад өөр байхгүй.

-Явуухулан найрагчийг бас багш гэдэг байсан даа?

-Тэр аргагүй юм. Хүү Амараагийнх нь бас багш шүү дээ. Хүүгийнхээ багшид яруу найрагчид хайртай байлгүй яахав. Явуу чинь яруу найргийн том зөвлөлийн дарга, дууны шүлэг батална. Явуу олон талтай, чанарын тугийг барьж байсан учраас дэмий юм урдуураа гаргах дургүй.

-Түмээ ах танд их сайн байдаг сан?

-“Аав маань Угтаалцайдамын бор өвгөн юм. Амьдралд намайг хөтөлсөн эцэг минь та юм даа” гэж сүүлд хэлж байсан. Яагаад гэвэл хань бүлтэй болох, байр олж өгөх, сууцны мөнгөө төлөх гээд тэр бүгдэд нь тусалдаг байсан болохоор тэр л дээ. Энэнийг найрагчийн гэргий Тунгаа маань их сайн мэднэ. Хүү Дүүрэн, охин Дөлгөөн хоёр нь гадарлах байх.

-Хүүхдүүдийнх нь нэрийг та өгч байсан гэл үү?

-Хоёулангийх нь нэрийг өгсөн. Дүүрэн шиг эрдмээр дүүрэн, сэтгэлээр дүүрэн, том машины бүхээгээр дүүрэн хүү ховорхон. Дөлгөөн шиг дөлгөөн охин байхгүй. Хүний нэр их учиртай. Эр хүнд р үсэг оруулсан нэр өгөхөөр иртэй эртэй сонсогддог. Бүсгүй хүнд р үсэг ороогүй нэр өгөхөөр намуухан сонсогддог. Түмээ маань шинийг их хайгч хүүхэд байсан. Хэдэн жил багшиллаа, одоо их сургуульд ор гэхэд сургуулийн хамт олон нь “Гавьяат болох хүүхдийг та өөр тийш явууллаа” гэнэ. МУИС-т хөтөлж аваачин өөрийнхөө анх суусан сандал дээрээ суулгаж, Гаадамба багшдаа хүлээлгэн өгч байлаа. Сургуулиа онц төгслөө. Ганцхан юманд их санаа зовж байсан.

Т.Галсан багш Б.Ринчений хамт. 1966 он. Түйн гол

-Юунд санаа нь зовж байсан бол?

-Энэ Балжирын Догмид чинь архи уугаад алга болчихно. Энэ хоёр нэг ангийнх. Түмэнжаргал ангийн дарга. Хүн сэтгэлтэй учраас авьяастайгийнх нь хувьд ч, эр хүнийх нь хувьд ч Догмидыгоо олох гэж бөөн ажил болно. Би Кино үйлдвэрт нэг муу навсгар 69 унадаг болчихсон. Тэрүүгээр хоёулаа хайна даа. Толгойтын тэнд айлд толгой дээгүүрээ хөнжил нөмрөөд унтаж байх жишээний их сонин хүүхэд байсан. Эсвэл энэ Ногоон нуурын намган дээр сайхан үүдийг нь онгойлгож хаяаг нь сөхчихсөн гэрт баруун хатавчинд цэрэг төмөр орон дээр тухалчихсан, хоймор нь Жагдалын Лхагваа завилаад суучихсан түмпэнтэй усанд нумгүй хачин махан тавхайтай хөлөө дүрчихсэн яс мөлжөөд сууж байдаг сан. Лхагваагийн яриа, уншиж байгаа шүлгийг сонсож Догмидын элдүүр нь ханаж байсан шиг байгаа юм. Түмээгийн тухай халуун сэтгэлтэй дурсамжтай байх хүний нэг бол арга байхгүй Балжирын Догмид шүү. МУИС-иа төгсөөд сургуульдаа багшлаад удалгүй “Хэдхэн оюутанд нэг л юмаа ярина гэдэг уйтгартай юм” гэхээр нь Хэл зохиолын хүрээлэнд эрдмийн ажил хий гэж аваачив. Тэндхийнхэнд шог шүлэг бичээд “Миеэн доор минь мина булчихаж, бөөрөн дээр минь бөмбөг дэлбэлэх гэж байна” гэж айдаг хүмүүсээс болж халагдав аа. “Багш аа яахав” гээд ирэхэд нь “Чи багшил л даа. Чи чинь хаа ч алтан багш шүү дээ. Макаренко болж чадна шүү дээ” л гэлээ.

-Багшийн үг ч шавийн сэтгэлд гэгээ татуулаад л явчихаа даа?

-Манай зохиолчид дунд Түмээ шиг гоё бичдэг хүн байдаггүй шүү дээ. Ёстой сийлнэ. Гадаадад явах төрийн бичгийг хөндлөн үсгээр бичих болбол Түмээгийн зурмаар бичихэд мөн гоё болмоор. Түмээ мааньт Макаренко болно гээд л хөөрлөө. Муу Тунгаа ямар Түмээгийн үгнээс зөрөх биш, хоёулаа Ерөөгийн хүүхдийн колони руу багшаар явсан. Очсон өдрөө хашааных нь өргөст торыг авахуулахад хоригдож буй хүүхдүүдийн баярласан тоймгүй гэдэг. “Тэмүжин хүртэл нохойноос цочимхой байсан” гээд гинжтэй нохдыг нь буцааж, харуулуудынх нь буу зэвсгийг далд хийлгэж, энгийн хувцастай болгосон байгаа юм. Тунгаа нийгмийн ухаан, орос хэл гээд ерөнхий эрдмийн хичээлүүдийг зааж, хүүхдүүдэд тусгай мэргэжил эзэмшүүлээд тэднийгээ хойш сургуульд явахад Түмээ ТМС-ийн багшаар явсан даа. Орост байхдаа Москвад очин Аюурзана эдэнтэй танилцан миний шүлгийг уншдаг байсан байгаа юм. Горькийн сургуулийнхан миний шүлэгтэй Түмэнжаргалаас танилцсан гэдэг юм. Амьдралын ямар ч салбарт очсон сурган хүмүүжүүлэх сэтгэлээ, уран бүтээлээ гээгээгүй дээ. Харин Оросоос буцаж ирэхдээ нэлээд балгадаг болчихсон байсан. Авьяас билгийн их онгодтой хүнд чинь архи гэдэг идээ гал дээр гал нэмж байгаа юм шиг зохьдоггүй юм. Маргааш нь их гэмшинэ. Гэмшихээрээ надад туг үсээ зулгаагаад дугтуйд хийгээд гэмшлийн үг бичээд ирүүлж байсан. Архи гэдэг чинь гал амталсан ус, галзуу нохойн шүлс, орсон буурын зунхаг, охин амьтны сарын буртгийг савлачихсан болохоор ямар олиг байх вэ. Архины бузраас Түмээг хамгаалахын тулд Тунгаа шилтэй архийг нь өрсөөд уучихдаг байсан. Хүний хайр, нөхрөө харамлах ёсон гэдэг энэ. Тунгалаг чинь удам нь их тайван хүн учраас архичин болоогүй. Нөгөө талаар элдэв ааш араншин гаргаагүй. Үнэнийг хэлэхэд Тунгаа Түмээг архинаас гаргаж чадаагүй.

-Түмэнжаргал найрагч тэгтлээ их уудаг байсан гэхээр үнэмшимгүй еэ?

-Тэгсэн чинь харин Мягмарсүрэн гарцаа байхгүй архинаас гаргасан даа. Жинхэнэ уран бүтээлээ хийе гээд мөн ч сайхан засарсан даа. Түмээг дууны шүлгээр нь л мэдээд байдаг болохоос “Нисдэг алим” туужаараа манай утга зохиолд шинэчлэл хийсэн юм шүү дээ. Намар хичээл цуглахад, хавар хонхны баярын үеэр хэний дууг дуулж байна Загдын Түмэнжаргалын дууг дуулж байна. Энэ алдар суутан дуучид цөмөөрөө Түмээгийн дууг дуулж байна шүү дээ. Сүүлдээ шавь минь их ухаан орсон доо. Тууштай ухаарч гэгээрсэн уран бүтээлч байлаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэндолгор: “Шинэ үе” сургууль улсын хэмжээнд наймд бичигдэж байна

Шинэ үе бүрэн дунд сургуулийн дэд захирал Н.Цэрэндолгортой уулзаж хөөрөлдлөө.


-Та Монголын боловсролын салбарт хагас зуун жил шахуу ажиллаж. Ажлын гараагаа хаанаас эхлэв?

-Би Завхан аймгийн Сонгино сумын уугуул хүн. Аавыг минь нутгийнхан Баян Ня гэж авгайлдаг Нямаа гэдэг хүн байлаа. Бидний үеийнхэн багаасаа ардын сурган хүмүүжүүлэх ухаанаар л хүн болцгоосон азтай хүмүүс. Аав ээж минь Баян айлын унага даага эрх байдаг. Баян айлын хүүхэд ерөөсөө завгүй байдаг юм. Хоосон айлын хүүхэд гэртээ эрхлээд хийх ажилгүй сууж байдаг гэж хэлдэг байсан. Өнөөдөр сайхан боловсрол мэдлэг олж байгаа, аав ээжийнхээ хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг баян айлын хүүхдүүд байна. Гэхдээ зарим айлын хүүхдүүд ёс суртахууны хувьд доголдож Наймаачдын хүүхэдтэй нэг ангид сурахгүй. Төлбөрөө нэм гэж захирлаа шахлаа ч гэх шиг хачирхалтай зүйл сонсогдож байна. Бидний үед тийм алаг үзэл байсангүй. Ажил анхиатай л хүн болох гэж зүтгэж явснаас хөрөнгө мөнгөөр эрэлхэж дээрэлхэх бодол агуулж явсангүй. Би Сонгино сумын бага сургууль, Цэцэн-Уул сумын дунд сургууль дүүргээд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг 1966 онд дуу хөгжмийн багш мэргэжлээр, УБДС-ийг 1974 онд орос хэл, утга зохиолын багш мэргэжлээр тус тус төгссөн. Хөдөлмөрийн гараагаа Нийслэлийн 23, 32 дугаар сургуулиудад дуу хөгжмийн багшаар ажиллаж эхлэн, 15, 52 дугаар сургуулиудад орос хэлний багшаар ажилласан. Орос хэлний сургалтын чанарыг сайжруулахын тулд түшиц кабинет, сургалтын хэрэглэгдэхүүнийг сэдэвчлэн анги бүрээр хийж, сургалтад чадварлаг, бүтээлчээр ашигласны үр дүнд сурлагын амжилт ахиж, миний хичээл заасан шавь нар орос хэлний олон шатны уралдаан, шалгалт, олимпиадад дүүрэг, хотын хэмжээнд байнга шахуу дэд, тэргүүн байр эзлэх болсон доо.

-Таны шавь нар ч одноос олон болж буй биз?

-Ерөнхий боловсролын сургуульд багшлах хугацаандаа наймдугаар анги гурван удаа, аравдугаар анги хоёр удаа даан төгсгөсөөн. Хариуцсан анги маань 1989, 1991 оны дүүрэг, нийслэлийн шилдэг тэргүүний анги болж л байлаа. Төрсөн дүү Н.Хажидсүрэнгийнхээ үүсгэн байгуулсан Орхон их сургуулийн хичээлийн эрхлэгчээр 1993 оноос арваад жил ажиллалаа. Тэнд ажиллаж байхдаа багш, оюутнуудын дунд танин мэдэхүй, урлаг, спортын төрөл бүрийн тэмцээн, уралдааныг зохион байгуулсанаар манай сургуулийн багш, оюутны баг 1997-1998 онд Центавр, Дэвжээ уралдаант нэвтрүүлгүүдэд түрүүлж, их, дээд сургуулийн оюутнуудын урлагийн наадамд тэргүүн байр эзлэн, есөн оюутан хувийн амжилтаар шагналт болон тэргүүн байруудыг эзэлж байлаа. Надад олон сайхан шавь бий.

-Хүн насан туршдаа суралцаж, бас сургадаг гэдэг дээ?

-Хамт олноо ажил төрлөөрөө тэргүүллээ гэж 1977, 1985 онд ЗХУ-ын Ленинград хотын Герцений нэрэмжит Багшийн их сургуульд, 2002 онд ОХУ-ын Липецк хотын Багшийн их сургуульд тус тус мэргэжил дээшлүүлж боловсролын магистрын зэрэг хамгаалсан. Эрдэм шинжилгээний өгүүлэл арваадыг бичиж, Оросын соёлд нэвтрэх нь, орос хэлний их, дээд сургуулийн оюутны гарын авлага зэрэг хоёр ч ном хэвлүүлжээ.

-Математик-англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Шинэ үе бүрэн дунд сургуулийг хэдэн оноос үүсгэн байгуулав?

-Монгол Улсын ардын болон гавьяат багш, өөрийн хань Маамын хамт 2003 оноос Шинэ үе сургуулийг үүсгэн байгуулалцаж гадаад хэлний сургалт, сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх, хичээлээс гадуурх сургалт зэргийг хариуцан ажиллаж байна. Манай хүнийг Математикийн Маам багш гэхээр хүмүүс андахгүй. Миний хувьд сургуулийнхаа гадаад хэлний сургалтыг сайжруулах талаар ОХУ, Энэтхэг, Филиппин, АНУ-ын тэргүүлэх зэрэгтэй багш нарыг урин гэрээгээр ажиллуулж, Dyned (Online сургалтад суурилсан англи хэлийг заах хосолмол арга) төслийг хэрэгжүүлсэнээр 100 гаруй сурагч хичээлийн бус цагаар англи хэлийг гүнзгийрүүлэн судалж, хэлний мэдлэгээ шаталсан байдлаар дээшлүүлж байна. TOEFL-ын шалгалтын түвшинд хүрч бэлтгэгдсэн сурагчдыг Канадын Green University, Coquitlam College-д элсэн орж тэтгэлэгт сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлсэн. Манай сургууль Сингапурын SSTC хэлний сургуультай холбоо тогтоож, зуны сургалтад сурагчдын багийг хамруулдаг болсон. Энэ хичээлийн жилээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн IB хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Шинэ үе сургууль багш сайтай гэдэг юм билээ?

-Манай сургууль шилэгдмэл тэргүүний багш нартай шүү. Багш нарын 70 хувь нь арга зүйч, тэргүүлэх, зөвлөх зэрэгтэй, сургагч багш нар. Гадаад хэлний багш нарын мэдлэг ур чадвар, сургалтын үр дүнд өндөр ач холбогдол өгч, бие даасан тэнхимийн зохион байгуулалтад оруулан ажилласнаар орос хэлний багш Б.Анар дүүргийн олимпиадаас хүрэл медаль, англи хэлний багш Ч.Нарангэрэл сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд хотод III байр, ур чадварын уралдаанд хотод тэргүүн байр, улсад шилдэг хичээлийн технологийн санд шалгарлаа. Англи хэлний багш Т.Ханджав залуу багш нарын ур чадварын уралдаанд тэргүүн байр, 2015 оны шилдэг илтгэлийн уралдаанд хотод тэргүүлэн, улсад дэд байр тус тус эзэлсэн. Багш Ч.Нарангэрэл 2014 оны ЭЕШ-ийн сэдэв зохиох багийн гишүүнээр ажиллалаа. Энэ туршлагатаа тулгуурлан ЭЕШ-нд бэлтгэх тестийн ном, багш Т.Ханджав бага ангид англи хэл заах сурагчийн болон дадлага ажлын ном, CD бүхий цогц сурах бичиг, багш П.Цэрэндэжидийн бага ангийн англи хэлний сурах бичиг зэргийг хот, улсын хэмжээний сургалтад хэрэглэж байна. Тус тэнхимийг үндэсний сургагч багш О.Ирина удирдан ажилладаг даа.

-Сурагчдынхаа авьяас чадварыг нээх талаар аль хэр санаа тавин ажиллаж байна?

-Сурагчдын авьяас чадварыг илрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, урлаг спортын олон төрлийн дугуйлангуудыг хичээллүүлэн, өндөр мэргэжлийн багш нарыг урин ажиллуулснаар өндөр амжилтад хүрч л байна. Сургуулийн төгөлдөр хуурын дугуйланд 35, морин хуурын дугуйланд 12, бүжгийн дугуйланд 80, найрал дууны дугуйланд 120 орчим, гитар, шатрын дугуйланд 70 гаруй сурагч хичээллэж, сагсан бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөг, гимнастикийн секц дугуйлангуудад нийт сурагчдын 40 гаруй хувь нь хамрагдан авьяасаа хөгжүүлэх, алдар цууд хүрэх таатай боломжийг эдэлж байна. Энэ ажлын үр дүнд хот, дүүрэг, улсын урлаг, спортын уралдаан, тэмцээнд манай сурагчид амжилт үзүүлэхийн зэрэгцээ олон улсын хэмжээнд ч өндөр амжилт үзүүлж ирлээ. Сурагч Б.Хулан Татар ажиллагаа киноны гол дүрийг бүтээж, БНСУ-ын Гуанжу хотод болсон бүжгийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс гран при, Гонконгийн бүжгийн тэмцээнээс алтан медаль, сурагч Г.Нямжаргал Францын Монте Холиба хотод болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс алтан медаль, Бээжин хотод болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль, сурагч Эгшиглэн Францын Монро-Либон хотод зохиогдсон өсвөрийн төгөлдөр хуурчдын тэмцээнээс гран при, сурагч Б.Мөнхнаран тус тэмцээнээс мөнгөн медаль, сурагч Х.Ундрам БНСУ-ын Инчон хотод болсон бүжгийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс гран при зэрэг өндөр дээд шагналуудыг тус тус авлаа. Мөн Дархан хотноо жил бүр зохион байгуулагддаг өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаанаас сүүлийн жилүүдэд алтан медаль дөрөв, мөнгөн медаль гурав, хүрэл медаль гурав, тусгай байрын шагнал наймыг тус тус хүртээд байна. Манай сургуулиас Д.Сайнцэцэг, Б.Тэлмэн нар усан спортоор хот, улсын удаа дараагийн аваргаар шалгарч ДОХА-гийн Азийн их наадам, Бээжингийн олимп зэрэгт амжилттай оролцсон. Теннисний спортоор З.Төрболд, гимнастикийн спортоор З.Намуунбилэг, шатрын спортоор Х.Уртаа нар улсын удаа дараагийн аварга, медальт байрын эздээр шалгарч нийт спортын мастер дөрөв, дэд мастер гурав төрөн гараад байна.

-Монгол Улсын дунд сургуулиудаас наймд бичигдэж байгаа сургууль гэхээр аргагүй амжилтын буухиатай юм аа?

-Хамт олны маань сэтгэл зүтгэлийн л ач буян юм даа. Манай хөгжмийн багшийн заасан хичээл улсын ур чадварын уралдаанд III байрт шалгарсан. Сургуулийн урлагийн наадмаас шалгарсан бүтээлүүдээр Монголын хүүхдийн ордон, Тусгаар тогтнолын ордонд дөрвөн жил дараалан сурагч, эцэг эхчүүдэд урлагийн тайлан тоглолт хийлээ. Бидний авьяас-2014 уралдаанд багш нарын дөрвөл тэргүүн байр, Бидний авьяас-2015 уралдаанд гоцлол дуу III байр, хамтлаг дуу II байр, багш, эцэг эх, сурагчдын хамтарсан бүтээл дэд байр эзэлж сургуулийн нэгдсэн дүнгээр тусгай байр эзлэн өргөмжлөл нэг сая төгрөгөөр шагнагдлаа. 12б ангийн сурагч Ч.Мишээл UBS телевизийн My voise шоу нэвтрүүлгийн шилдгээр, математикийн багш Б.Идэржавхлан UBS телевизийн My voise шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалтын шилдэг, Орос дууны улсын уралдаанд II байр, UNIVERSE BEST SONGS-2016 наадмын шилдэг 12-т шалгарцгаав. Мэргэжил бүрийн багш нарын дунд зохиогдсон Авьяаслаг багш урлагийн наадмын хөгжмийн багш нарын тоглолтод Х.Эрдэнэбаатар найрал дуунд гоцолж, хамтлаг дуу төрлөөр, Ц.Оюун-Эрдэнэ найрал дуу төрлөөр, математикийн багш нарын тоглолтод Б.Идэржавхлан гоцлол дуу, хамтлаг дуу төрлөөр, Г.Батбаяр хамтлаг дуу төрлөөр, нийгмийн ухааны багш нарын тоглолтод З.Ууганбат хамтлаг дуу төрлөөр, монгол хэлний багш нарын тоглолтод Ж.Пүрэвдорж хамтлаг дуу төрлөөр, мэдээлэл зүйн багш нарын тоглолтонд Л.Батгэрэл хамтлаг дуу, хамтлаг хөгжим төрлөөр тус тус амжилттай оролцсон доо.

-Сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд танайх их анхаарал хандуулдаг бололтой?

-Энэ талаар том ахиц гаргаж 2015 оны зун хичээлийн байрандаа өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг 1.2 тэрбум төгрөгийн өртгөөр хийж гурван давхар болгохын зэрэгцээ хичээлийн анги кабинетуудыг иж бүрэн шинэчлэн тохижуулж сургалтын таатай орчин бүрдүүлсэн. Мөн энэ ажлын үр дүнд дунд ахлах ангиуд нэг ээлжинд хичээллэх болсноор хичээлээс гадуурх сургалт, давтлага, сонгон суралцах хичээлүүд чанар үр дүнтэй явагдах таатай нөхцөл бүрдээд байна.

Шинэ үе сургууль их олон амжилтын эзнээр тодорч байсан биз?

-Манай сургууль 2005 онд Боловсролын гавьяат үйлстэн хамт олноор, 2007 онд СБД-ийн тэргүүний сургуулиар, 2008 онд СБД-ийн Хүндэт өргөмжлөлөөр, 2009 онд Нийслэлийн тэргүүний сургуулиар, 2010 онд Улсын ТОП-20 шилдэг менежменттэй сургуулиар, 2011 онд Нийслэлийн тэргүүний төрийн бус өмчийн сургуулиар тус тус шалгарлаа. 2012 онд БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн хүндэт Өргөмжлөл, мөн онд Боловсролын үнэлгээний төвийн Батламж, цом, 2012 онд Нийслэлийн Даатгалын ерөнхий газрын Шилдэг даатгуулагч байгууллага өргөмжлөл, 2012 онд Нийслэлийн тэргүүний сургууль, 2014 онд БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн чанарын шалгалтын тэргүүн байрын Батламж-ийг тус тус хүртсэн. Энэ 2018 онд сургууль байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Манай хамт олны зорилго бол Хүүхэд бүрт чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгох явдал юм. Багш хүний хувьд амжилт гэдэг бол сурагч бүрт эзэмшвэл зохих мэдлэг чадвар, төлөвшлийг эзэмшүүлж, сайн сургаж хөгжүүлэх юм даа. Сүүлийн таван жилд математик, хими, физик, англи хэл, нийгмийн ухааны багш нар маань уралдаанд тогтмол оролцож тэргүүн байруудад шалгарч ирлээ. Сурагчдаа олимпиадад бэлдэж, түүнийхээ үр дүнг үзэх нь багш хүний хөгжлийн оргил амжилт юм. Манай багш нар ингэж хамтдаа хөгждөг туршлагаа хот, хөдөөгийн олон багш нартай хуваалцан хамтран ажиллаж байна.

-Хөдөөгийн ямар аймаг, сумтай холбоотой ажиллаж байна?

-Завхан аймгийн хойд, урд бүсийн семинар, ХУД-ийн багш нарын ур чадвар дээшлүүлэх семинаруудыг зохион байгуулж мөн Булган аймгийн Рашаант сум, Хэнтий аймгийн Мөрөн, Баянмөнх, Өмнөдэлгэр сум, дөрөвдүгээр сургууль, Завхан аймгийн Тосонцэнгэл, Сонгино сумын багш нартай цахимаар харилцан зөвлөн туслах ажлаа явуулж байна. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс манай хамт олонд Багш-судлаач гэсэн өргөмжлөл олгож хамтран ажиллахаар боллоо.

-Сургалтын чанарын хувьд гэвэл?

-Манай сургуулийн сургалтын чанарыг дүүрэг, хот, үнэлгээний төвөөс өндөр үнэлдэг юм. 4, 5 дугаар ангийн Монгол хэл-ний олимпиадад тогтмол тэргүүн байр эзэллээ. Манай сургуулийн сурагчид англи хэл, математик, хими, физик, нийгмийн ухааны хичээлүүдийн олимпиадад дүүрэг хотод амжилт гаргахын зэрэгцээ ОУ-ын ой тогтоолт, түргэн бодолт, мотоспорт буудлага, англи хэлний мэтгэлцээний төрлөөр амжилт гаргаж шагналууд авчирч байна.


Categories
мэдээ цаг-үе

“Байтаг Богд” кино түүхэн уянгаар үзэгчдийг уйлуулж, хуйлруулж байна

Дэлгэцийн томоохон уран бүтээл “Маш нууц-1” уран сайхны кино 2015 онд үзэгчдэд хүрч байсан билээ. “Жийж” болон “Фантастик” продакшны уран бүтээлчдийн санаачлан хэрэгжүүлж буй “Маш нууц” төслийн анхны уран бүтээл болох тус кино нь 1960-1970 оны үеийн Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан барилгын цэргийн ангид болсон үнэн бодит түүхээс сэдэвлэн бүтээгдэж байсан. Тэгвэл уг төслийн хоёр дахь уран бүтээл болох “Маш нууц-2” буюу “Байтаг Богд” уран сайхны кино өнгөрөгч гуравдугаар сарын 1-ний өдрөөс дэлгэцнээ гарснаас хойш үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа юм. Эл кино төрлийн хувьд түүхэн, тулаант, дайны сэдвээр бичигдсэн уран бүтээл болжээ. Киноны продюсерээр Монгол Улсын ардын жүжигчин С.Сарантуяа, зохиолч, ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, өөрийн хүү, соёлын тэргүүний ажилтан, найруулагч Б.Тамирынхаа хамт ажилласан байна. Уг кино одоо Улаанбаатарын бүх кино театруудаар гарч байгаа. Үзэгчдийн сэтгэл догдолж, нүдэндээ нулимстай гарахдаа “Бид чинь ямар агуу их, бас өр өвдөм, уярам түүхтэй улс вэ” гэсэн уярал, бахархал, шимшрэл, бодлогошролыг тээж байгаа нь сайшаалтай. Байтаг Богдын тулалдааны түүхт далан жилийн ой энэ онд тохиож байгаа.

1948 оны долдугаар сарын 8-ны өглөө Дамжигийн II сумангийн дарга Мадригаас үүрэг авч гарсан заставын хилийн манаанд улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв. Энэ үед хасгийн дээрэмчин Осван шилдэг 22 баатрынхаа өшөөг авах зорилготой “Баатар” Манат гэгчээр 120 орчим Гоминдааны цэрэг оролцсон хүнийг удирдуулан Сантуха тосгонд оршдог хуарангаасаа гаргасан байна. Дайсан 50, 75 мм-ийн миномёт дөрөв, арав орчим хүнд хөнгөн пулёмет, хоёр винтовын бөмбөг буудагч, америк винтовуудаар зэвсэглэсэн байжээ. Дайсан долдугаар сарын 8-ны өглөө Байтаг богдын Бүдүүнхаргайт голын эхээр улсын хилийг нэвтэрчээ. Ховдын хязгаар тэр үед Америк, ЗХУ, Гоминьданы анхаарлын төвд орсон стратегийн гол газар байв. Учир нь Байтаг Богдын орчимд ураны илэрц олдсон явдал харийнхны хомголзол шуналыг асаах гол хүчин зүйл болжээ. Тиймээс ч энэ хавийн газар нутгийн төлөө өнгөлзсөн дайсантай тэмцэж манай 240 орчим хилчин амь үрэгдээд байв.

Дээрэмчдийг хавцал уруудан, 400 метрт дөхөж ирэн хүчээ задлан давшиж эхлэхэд хилчдийн ахлагч Г.Хаянхярваа “Эцсээ хүртэл тулалдана, амьд баригдахгүй” гэж тушаагаад Чойжин, Баня, Гончигзэгвэ нарыг урдах өндөрлөгт, тасгийн дарга Гиваан, хөнгөн пулёметын наводчик Тэгшээ, туслах наводчик Даваадорж нарыг арын өндөрлөгт гарч байлд гэж хуваарилаад өөрөө Дандархайдавтай дундах онин дээр үлдэж, Архадаар морьдоо бариулж, хилчин Пэлжээд Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан 30 км-т орших суман руугаа холбоо бариулахаар явуулсан байна. Дайсан миномёт, пулёметоор буудаж морьтой болон явгаар давшиж эхлэв. Дайсны эхний галд байлдагч Архад, Баян нар алагдаж, бууны суманд байлдагч Дандархайдав шархтан, Хаянхярваагийн тушаалаар арын байрлал руу шилжих гэж яваад дайсанд амьдаараа баригдахгүйн тулд өөрийгөө буудан амь үрэгдсэн байна.

Хориглолтын баруун үзүүр болох оройн бяцхан товгор дээр хориглосон тасгийн дарга Гиваан, хөнгөн пулемётын наводчик Тэгшээ, Даваадорж нарыг дээрэмчид миномётын галын дэмжлэгээр давшин бүслэв. Хилчид үзэгдэц муутай газар хориглон байрласан тул дайсныг үзэгдвэл галлан устгаж, гэнэт тулж ирсэн дайсны өөдөөс гранат шидэж тулалдсан нь тодорхой байв. Отрядын дарга Ш.Зонров, улстөрийн орлогч Ж.Далхжав, тусгай ангийн дарга Ш.Базар нарын яриагаар энэ гурвын хориглож байсан 15 хавтгай дөрвөлжин метр орчим газарт 15 удаа мина тэсэрч, хүн бүр хоёр гурав шархтан, тэр хавь нэлэнхүйдээ цусаар будагджээ. Тэгшээгийн баруун хөл минанд тасарч зөвхөн борвиныхоо том шөрмөсөнд торж тогтсон төдийгүй шилбэний хугархай яс нь газар зурж чирэгдсээр мөлийж, нүхэнд нь шороо чулуу чихэгдсэн байжээ. Гурван баатар баруун хойш харан зэрэгцэн хэвтээд эцсийн гранатаа өөрсдөдөө зориулсан байв. Дунд нь байрлаж байсан Даваадорж амь үрэгдэхийнхээ өмнө эвлэлийн батлахаа чулуун дор нуугаад, пулемётоо хад савж эвдлэн элгэн дороо хавтгай чулуу хийж эцсийн гранатаа тэсэлсэн ба цогцос нь цээж бөгсөөрөө салж зургаан метр хэртэй хоёр тийш шидэгдсэн байжээ. Нөгөө хоёрынх нь тархи толгой танигдахын аргагүй гүзээтэй ус шиг булхалзсан юм болсон аж. Заставын улс төрийн орлогч Хаянхярваа, байлдагч Чойжин, Гончигзэгвэ нар бүслэлтээс буудалцан гарч нөхдөө галаар хамгаалахыг хичээсэн боловч газрын бартаа, хад чулуугаар далдлагдсан ашиггүй байрлалд байснаас туслалцаа үзүүлж чадсангүй. Тулгаралт хоёр цаг орчим үргэлжилж 09.30 минут гэхэд дайсан буцаж, үзэгдэх бараагүй болсон байлаа.

Богино хугацаанд болсон энэ тулгаралтад дайсан хүн хүчээр 13 дахин олон байсан бөгөөд манай хилчдийн хориглолтын метр газар бүрт миномётын хоёр сум туссанаас үзэхэд маш хүч тэнцвэргүй байлдаан болсон нь илэрхий. Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын V багийн харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын IV багийн харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын II багийн харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг хожим нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхярваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнасан билээ. Энэ тухай “Монгол Улсын хил хамгаалалтын түүхэн тэмдэглэл”, хурандаа Ч.Алтангэрэлийн “Ховд хязгаарын хил хамгаалалтын товч түүх” зэрэг номуудад тодорхой өгүүлжээ. Киноны түүхийн зөвлөх, цэргийн шинжлэх ухааны доктор Даваадорж ч үүргээ сайн гүйцэтгэсэн нь анзаарагдсан. Дашрамд дурдахад амь үрэгдсэн баатрууд хугацаат цэргийн албаа хаасан ч хилийн будлиан тасрахгүй байгаа учраас сайн дураараа албаа үргэлжлүүлэн хаая гэж санал гаргасан эх орончид байжээ.

Өнөө бидний амьдарч байгаа эх орон, газар нутгийг маань бүрэн бүтэн үлдээхийн тулд өвөг дээдэс минь юуг даван туулсныг шинэ цагийн залуус заавал мэдэх учиртай билээ. Тиймээс тусгаар тогтнол, эх орон, газар шороо гэж ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг марталгүй, үргэлж санаж явах ёстой хэмээн “Жийж” продакшн болон “Фантастик” продакшны уран бүтээлчдийн “Байтаг богд” уран сайхны кино түүхэн үнэнийг гажуудуулалгүйгээр, үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөх гайхамшигтай нэгэн бүтээл болж чаджээ. Эх орны эрэлхэг хилчдийн гэгээн дурсгалд зориулсан уг киноны арван баатрын дүр гэхэд үзсэн хэний ч сэтгэлд хоногшихоор амьдаас амьд болжээ. Тухайлбал, Тэгшээд жүжигчин Э.Одбаяр, Гиваанд Ж.Алтаншагай, Даваад Б.Барслхагва, Хярваад Г.Эрхэмбаяр, Архадад Б.Батсайхан, Гончигт Э.Алдар, Дандарт Э.Мөнхбат, Чойжинд Т.Төгөлдөр, Пэлжээд Э.Баярмагнай, Баянд Э.Содбаяр нар тогложээ. Гоминьданий цэргийн эрхтэн Фун Ван Ки, Кан Си Зан нарын дүрийг Б.Тамир, М.Баярбат нар, харийн нутгаас ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэн эх нутагтаа ирж буй цагаач торгууд бүсгүй Буянхишигийн дүрийг жүжигчин Ц.Алдармаа нар маш сайн амилуулж чадлаа. Маршал Х.Чойбалсан, сумангийн дарга нарт соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд, гавьяат жүжигчин Г.Золбоот нарын авьяаслаг жүжигчид тоглосон нь уг киноны яах аргагүй шигтгээ чимэг болжээ.


Categories
мэдээ цаг-үе

Рэгжийбуугийн Нямдорж: Монгол бөхийн оройн шүтээн Б.Бат-Эрдэнэ аваргад тамгаа гардуулж буйдаа сэтгэл амгалан байна

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр 28 жил ажилласан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Рэгжийбуугийн Нямдоржтой уулзаж хөөрөлдлөө.


-Явуу найрагч “Өнгө нэхий дээлийнхээ дал мөрийг хүүлж үе тэнгийн залуусыг давж явсан удаатай” гэж шүлэглэсэн нь бий. Та багадаа мэдээж барилдаж ноцолдож байсан байх. Чухам яагаад монгол үндэсний бөхтэй холбогдож, томоохон зүтгэлтэн нь болтлоо энэ салбарын төлөө зүтгэх болов?

-Би арван хүүхэдтэй, дараалан таван хүү төрсөн айлын хүүхэд шүү дээ хө. Миний дараагийн дүү надаас жил зургаан сараар дүү, улсын заан Р.Давааням юм. Айлын хүүхдүүд ойрхон төрснөөрөө найзалдаг. Тэгэхээр би чинь хувь заяагаар дүүтэйгээ их ойрхон байж таарна аа даа. Манай дараагийн хоёр дүү бас хоорондоо их ходий. Давааням бид хоёр чинь өвөртөө унтаж, аргалд цуг явна, тоосго хамт цохьдог, зодолддог, барилддаг, бүх юманд л холбоотой хоёр байхгүй юу. Манай суманд тийм онцгой том бөх ч байгаагүй. Дүү маань их бяртай. “Энэ муу эрэгэн духалчихаад их бяртай юм аа” л гэж өхөөрдсөн маягтай ярихаас бөх болно гэж хэзээ ч ярьж байгаагүй. Яагаад гэвэл манай сум олигтой бөхгүй болохоор улсын цолтой том бөх Говь-Алтайн Чандманиас төрөх юм гэж яаж мэдэх вэ дээ. Тийм хүнтэй хоорондоо ноцолдоод өсчихсөн болохоор бөхөөс хол байсан гэж хэлбэл алдас болох байлгүй. Хүүхэд байхад парадуктараар бөх чагнана. Парадуктараа нэг нь чихэндээ бариад тойрч суусан бусдадаа “Тэгж байна аа” гээд л дамжуулна даа. Хувь заяагаар би ингэж л улсын заан хүнтэй нэг эхийн хэвлийгээс мэндэлж, нэг дор өссөн байна.

-Анх улсын цолтой хэн гэдэг бөхийг харж байв?

-Багаасаа ноцолдоод өссөн болохоор бөхөд хачин сонирхолтой болчихгүй юу. Таван эрэгтэй хүүхдийн найз гэхээр сумын хорь гучаад жаал байна биз дээ. Манай аав биднийг цуглуулж байгаад хавийн зүлэг ногоог халцайтал барилдуулна. Нутагтаа байхад би улсын цолтой бөх үзээгүй. Есдүгээр ангид байхад манай суманд нэг том баяр болж аймгийн арслан Чонохүү, Чандманийн харьяат Жаргалсайхан арслан, аймгийн заан Пүрэвээ нарын том цолтой бөхчүүд ирж барилдсан. Миний хамгийн анх үзсэн том цолтой бөхчүүд эд. Аравдугаар ангидаа аймгийн зааланд барилдаан болоход Завхан аймгийн арслан Арилдий, Баянхонгор аймгийн арслан улаан Лодой, Увс аймгийн арслан Түмэннасан ч билүү эдний барилдааныг л үзсэн. Хотод их сургуульд оюутан болоод нэг хөгшин хүнтэй цуг ирсэн. Тэдний хүү нь Улаанбаатарт сурдаг байсан юм. Тэр залуу ээж бид хоёрыгоо алсыг харагч дээр суулгалаа. Нөгөө эмгэн чинь зайлуул ямар юмных нь алсыг харахав, нүдээ аньчихаад эрихээ эргүүлж, маани уншсаар бууж ирсэн. Уулан дээр хөлөөрөө гардаг хүн чинь агаарт хий гарахаар толгой нь эргэлгүй яахав. Би ч гэсэн төмрөөс нь зуурсаар нэг юм бууж ирсэн. Тэндээсээ дагуулаад Морин тойруулга дээр аваачлаа. Тэнд цэргүүд ирлээ. Морь булгиуллаа. Хөдөөнөөс ирсэн болохоор тэр нь их гоё юм аа. Тэгээд барилдлаа. Тэгсэн тэр салааны цэрэг Дашдоржийн Цэрэнтогтох гэж нэг сайхан залуу байна. “Энэ Цэрэнтогтох бол энэ жилийн наадамд Бээжин аваргаар зургаа давж улсын начин болсон хүн” гэцгээнэ. Үзүүр түрүүнд Бээжин аваргатайгаа үлдсэн Цэрэнтогтох нь бас хаячихлаа. Анх удаа ингэж улсын цолтой бөх харлаа.

-Давааням заан хэдийнээс амжилт гаргаж эхлэв?

-Далан гурван оноос улсын идэрчүүдийн аварга болоод барилдаад эхэлсэн. Дүүгийнхээ барилдааныг харах гэж Спортын төв ордонд ороод урд талынхаа хүнээс өндөр болох гэж 406-гийн пальтогоо тайлж шалан дээр эвхэж тавиад л үзэж гарна даа. Тэр үеэс бөхчүүд намайг таних болсон.

-Та ухамсарт амьдралынхаа бүхэл бүтэн 28 жилийг зориулсан Монголын үндэсний бөхийн тэргүүн гэдэг нэр хүндтэй албанаасаа бууж, тамгаа дараагийн багийнхандаа гардуулах боллоо гэсэн. Амьдралынхаа утга учир болсон ажил албаа хүлээлгэж өгнө гэхээр сэтгэл жаахан гунигтай л байгаа байх даа?

-Би физикч, хуульч хүн болохоор жаахан ном уншсаных аливаад сэтгэл зүйгээ бэлдээд явдаг дадал заншил байна аа, надад. Физикийн анги төгсөөд байхад хуулийн салбарт криминилистик гэдэг хичээл заалгана гэж авсан юм. Хуулийн ангид шүүх-сэтгэл судлал гэдэг хичээл ордог юм байна. Физикийн ангид сурч байхад ерөнхий сэтгэл судлал үздэг. Хуулийн ангид тэр хичээлийг заадаггүй учраас би заах болсон. Хичээлтэйгээ холбогдуулан хүний сэтгэл зүйн үзэгдэл процессын талаар жаахан уншаад, өөртөө тодорхой зүйлсийг шингээж авсан минь амьдралд их хэрэг болдог. Би Дейл Карнегийн номыг их ярьдаг. Энийг уншаад миний сэтгэлд цоо шинэ ертөнц нээгдсэн юм. Бухимдалгүй амьдрах зарчим бичсэн хүн шүү дээ. Тэр зарчмаар бол болох гэж буй үйл явдлын хамгийн муу үр дагавартай эвлэрэх ёстой. Би үүнийг яагаад хэлж байна гэхээр МҮБХ-г би 28 жил удирдаад өгнө гэдэгтээ сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан учраас тийм их гуниг харуусал надад байхгүй. Хүнд хайрлах юм байна аа. Хорин найман жилийн хөдөлмөр бол том хөдөлмөр. Бид энд шургуу, шударга, шуналгүй ажилласан улс. Тэр зарчим маань үргэлжлээсэй гэсэн хүсэл маань ч биелсэн.

-Бат-Эрдэнэ аваргад хөлгийнхөө жолоог атгуулсандаа та их баяртай байгаа юм аа даа?

-Бурханы шашнаар Богд Зонхов ч юмуу, Наймдугаар Богд Жавзундамба хутагт шиг Монгол бөхийн оройн дээд хүн гэвэл улсын наадамд арван хоёр түрүүлчихсэн, УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо Байнгын хорооны даргын алба хашсан, Засгийн газарт сайд хийгээд салбар удирдчихсан, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд Монголын хүн амын бараг тавин хувийн санал авсан Монгол Улсын даяар дуурсагдах дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ шүү дээ. Ийм оройн дээд хүнд Монголын үндэсний бөхийн холбоог гардуулаад өгч байгаа болохоор маш уужуу тайвуу, амгалантай байна даа. Бат-Эрдэнэ аварга бидний хүмүүжил ойролцоо, хөдөөний хүмүүс. Аварга чинь бизнес хийж байхдаа “алт ухахгүй, амьтны амь таслахгүй, архи зарахгүй ээ” гэж андгайлсан хүн юм билээ. Энийг нь бодоход л гайхамшигтай ёс суртахуун. Бөхийн өргөөнд ямар нэгэн дэл сул юм байлаа гэхэд “Бат-Эрдэнэ аварга авчих болов уу” гэж ой ухаанд багтах нь байтугай бодож ч чадахааргүй тийм итгэл үнэмшлийг төрүүлсэн хүн.

-Та бүхний санаачилгаар Бөхийн өргөө боссоноор зарим хүмүүсийн шуналын дэв шүглэж, монгол бөхчүүд талцаж хэрэлдээд эхэлсэн юм шиг санагддаг…

-МҮБХ гэдэг байгууллагыг 1990 оны дөрөвдүгээр сарын 14-нд байгуулаад өнөөдрийг хүртэл монгол бөхөд жаран шинэ зүйлийг хийлээ. Эдийн засгийн хэлээр бол макро түвшний ажлууд ч байна, микро түвшний ажлууд ч байна. Монголын үндэсний бөхийн холбоог байгуулж, Монгол бөхийн өргөөг бүтээн босгон, Монгол бөх судлалыг үүсгэн хөгжүүллээ. Өнөөгийн залуус 1921 оны ардын хувьсгалыг маш амархан зүйл гэж бодоод байдаг даа. Тэрэн шиг Бөхийн өргөөг маш амархан бүтчихсэн зүйл гэж ойлгоод байдаг юм. МҮБХ байгуулагдаж, бөх барилдуулах эрх манай холбоонд шилжсэн чинь Спортын төв ордоны удирдлага тэнд барилдуулахгүй гэж хорьсон. Дагвасүрэн арслангийнхаа буянаар Анагаахын дээд сургуулийн зааланд нэг хэсэг барилдуулдаг байлаа. Үзэгчид багтахгүй болохоор лоож нь шажигнаж тэр чигээрээ нурах гээд айлгадаг байлаа шүү дээ. Тэндээс өөрийн гэсэн орд өргөөгүй л бол бөх хөгжихгүй юм байна гэдгийг дэд тэргүүн Д.Данзан бид хоёр яс махандаа шингэтэл ойлгосон. Тэгэхэд Данзан хоёулаа Их сургуулийн 401 тоот өрөөнд сууж байгаад найман сектортой, гэр хэлбэрийн дугуй өргөө байна гэж анхны хар зургийг нь гарган зурж байлаа. Тэр хар зургаа тэргүүлэгчид болох Худалдаа, аж үйлдвэрийн яамны дэд сайд Мандалсүрэн, Барилгын цэргийн удирдах газрын дарга Жаргал, Даваасамбуу гуай нартаа танилцуулаад эхэлсэн юм. Хэрвээ тэгж л зураагүй байсан бол ордон болон сүндэрлэх ч үгүй байсан байж магадгүй. 1993 онд барилгын ажил эхлээд 1998 оны арванхоёрдугаар сарын 26-нд ашиглалтад орсон доо. Хүнд шунал гэдэг муухай нисванис байна шүү дээ. Тиймээс Бөхийн өргөө босуутаа л тэдний шуналыг хөдөлгөсөн нь тодорхой. Хэрүүл маргаан 2002 оны Их Эеэс эхэлсэн дээ.

-Жаран ажлын эхлэл ч мундаг тавигдаж байжээ?

-Монгол бөхийн барилдааныг цаг хугацаатай болгон, Монгол бөх ойлголтыг тодорхойлж, монгол бөхийн аксиомыг томьёоллоо. Мөн шинээр харцага, гарьд цолыг бий болгож, бөхийг компьютерийн программтай болгон, “Монгол бөхийн нэвтэрхий толь”-ийг туурвисан. Микро түвшинд бол барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж, барилдааны тасалбарыг цахимаар зарах, барилдааны шүүлт хийхдээ камерын бичлэг ашигладаг болох тухай асуудлыг шийдлээ. Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх, Дөрвөн уулын хишиг, цолны хүндэтгэлийн, бизнес, нийтийн монгол бөхийн, сумын цолтой бөхчүүдийн, цэцэрлэгийн хүүхдүүдийн зэрэг барилдааны олон төрлийг бий болголоо.

-Бөхчүүдийг алдаршуулсан ямар ажлууд зохиов?

-Бөхчүүдэд зориулсан эзэнтэй дуу бий боллоо, алдартай бөхчүүдийн хөшөө дурсгалыг босголоо. Улс, аймаг, сумын цолтой бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдийн хүндэтгэлийн малгай бий болсноор ард түмэн бөхчүүдээ хичнээн хүндэтгэж байна вэ. Улсын аваргуудын хөргийг бүтээлгэж, Бөхчүүдийн алдрыг тэмдэглэдэг болсон. Ахмад дархан аваргуудыг түрүү бөхийн байгаар байлж байна. Үндэсний бөхөд гаргасан амжилтаар нь бөхчүүдийг төр засгийн дээд шагналаар шагнуулсан гээд тоочоод байвал олон ажил бий. Бөхчүүдийн нийгмийн асуудлын тухайд 45-аас дээш насны бөхчүүдийг цолны хишигтэй болгож, бөхийн бай мөрийг нэмэгдүүлэн, бөхчүүдэд олгодог тусламж, тэтгэмж, шагнал урамшлын тогтолцоог бий болгосон доо.

-Эдийн засгийн талаасаа ч бөхчүүдийн ахуй хангамж сайжирсан гэх юм билээ. Ёс жудаг талаас хийсэн зүйл их байгаа байлгүй?

-Ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Өндөр ойн жилээр цол өсгөж олгодог байсныг зогсоолоо. Улсын баяр наадмаас өөр аль ч шатны, ямар ч хэлбэрийн барилдаанд улс, аймаг, сумын цол олгохгүй болгосон зэргээр монгол бөхөд шударга ёс тогтоох ажлууд хийсэн.

-Зохиолч, бичгийн хүний хувьд та бөхийн талын хэвлэл мэдээллийг нэлээд хөгжүүлсэн биз?

-Монгол бөхийн мэдээллийн хангамж сайжирсан. “Монгол бөх”, “Манлайн баясгалан”, “Үндэсний бөх” сэтгүүлүүдийг анх гарган монгол бөхийн тогтмол хэвлэлийн эхийг тавилаа. “Бөх” сониныг бий болгон, тогтмолжуулсан. “Үндэсний бөх.мн” сайт ажиллуулж байна. “Цэнгэлийн манлай” бие даасан нэвтрүүлгийг бий болголоо. Хамгийн гол нь Монгол бөхийн номын санг бүрдүүллээ дээ. Монгол бөхөд одоо шинжлэх ухааны түвшинд хандах болсон гэдгийг шинээр ажиллах нөхдөдөө би хэлж байгаа.

-Монгол бөхөд сэргээн хэвшүүлсэн зүйл юу байдаг бол?

-За, бөхийн шавааг сэргээсээн. Мартагдсан нэр томьёог сэргээлээ. Улсын цолгүй бөхчүүдийн барилдааныг явуулах болсон. Бөхийн менежментийн хувьд гэхэд Их Эе, Цэцдийн зөвлөлийн хурлыг бий болголоо. Жил бүр уриа дэвшүүлэн, түүнд бодлогоо чиглүүлэн ажилладаг арга барилыг нэвтрүүлсэн. Наадмаас наадмын хооронд болох барилдааны хуваарийг гарган бөхчүүд, үзэгчдийг мэдээллээр хангаж байна. Наадмын товхимол гарган түүхэн баримт бүрдүүлэн, барилдаан бүрийн тэмдэглэл хөтөлж, судалгааны хэрэглэгдэхүүн бэлддэг болов. Монгол бөхийг дэлхийд таниулсан ажлууд гэхэд Гиннест болон ЮНЕСКО-д бүртгүүлж,сумод монгол хүүхдүүдийг анх явуулсан маань ямархан үр дүнтэй ажил болсныг монголчууд маань сайн санаж байгаа нь лавтай. Бөхийн цол дуудаачдын улсын уралдааныг бий болгон, Үндэсний бөх, урлагийн үзүүлбэр хосолсон шинэ шоу цэнгүүнийг “Миний нутаг сайхан” тоглолтоор үүсгэн, түгээн дэлгэрүүллээ. “Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу” авьяаслаг бөхчүүдийн концертыг бий болгосон чинь хүмүүст жигтэйхэн их хүрсэн шүү. “Хөдөөгийн хүчтэн”, “Нутгаа дуурсгана” шигшмэл барилдаануудыг тусгайд нь явуулдаг болов.

-Тоочоод байвал ч өөр олон л ажил байгаа болов уу?

-Аймгийн начин цолтны барилдаан байна. Монгол бөхийн өмсгөлийн жишиг тогтоосныг дурдахаас аргагүй. Бөхчүүдийг соён гэгээрүүлэх ажил олныг зохион байгуулсан даа. Дүрс бичлэгээр маргаантай барилдааныг шүүх ажлыг туршаад эхэлчихлээ. Үндэсний бөхийн барилдаанд улсын алдар цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журмыг батлан гаргаж хэрэгжүүлж байна. Бөхчүүдээс барилдааны болон барилдааны бус үед допингийн шинжилгээ авдаг болсон. Жудгийн журмыг батлан хэрэгжүүлдэг боллоо. Барилдах бөхчүүдийг урьдчилан цахимаар бүртгэдэг болов. Барилдааны тасалбарыг онлайнаар худалдаалж эхлэв. Аварга, арслан, гарьд цолтнуудад зодоглох бүрт нь нэмэгдэл урамшил олгодог боллоо гээд тоочоод байвал жараас ч олон ажил байгаа даа.

-Амьдралынхаа зорилго болгож явсан Бөхийн холбооныхоо ажлаас хөндийрчихдөг юм байж. Цаашид та юу хийж бүтээх зорилготой байгаа чинь сонирхолтой байна л даа?

-Залуу хүн ирээдүйгээ төлөвлөнө, жар хүрсэн хүн үлдсэн амьдралаа төлөвлөнө гэж би сүүлийн үед яриад байгаа юм. Энэ их үнэн томьёолол шүү. Хорин настай хүнд бол ирээдүй нь цэлийгээд хаа хүрэх гэж байгаа нь мэдэгдэхгүй, хаашаа ч үсчээд байж болно. Жар хүрсэн хүн үсрээд ная хүрье гэж бодоход үлдсэн амьдрал үндсэндээ тодорхой юм л даа. Тэгээд би үлдэх амьдралаа гурван зүйлд зориулъя гэж байгаа. Монгол бөхийг ард түмэн баяр цэнгэл болгон ашиглаж ирсэн. Гэтэл Монгол бөх маань Монгол эр хүн бэлтгэх дэг сургууль юм байна. Энэ асуудлыг шинжлэх ухааны түвшинд судалж, амьдралд хэрэгжүүлэх ажлыг хийе гэж Данзан бид хоёр сэтгэл шулуудсан. Монгол бөх дэг сургууль юм бол хүүхдийг хэдэн наснаас нь ноцолдуулах юм, цэргийнхэн болон оюутан залуусыг хэрхэн хамруулах вэ, суманд байгаа залуусыг яах юм, ямар сургалт явуулах юм гэх мэтийг шийдэх шаардлагатай. Сумын наадамд байгалиасаа авьяастай хэдэн нөхөд барилдаж ноцолдоод явж байгаа чинь баяр цэнгэлийн байдалтай зүйл. Харин суманд байгаа тав зургаан зуун залуусыг монгол бөхөөр бэлдэж амьдралаа алдчихдаггүй, архинд живчихдэггүй, амьдралын аар саар бэрхшээлд шантардаггүй, адуу малыг дэлдээд сүүлдээд зогсоож чаддаг ийм эр хүн яаж болгох вэ гэхээр сургалтаар бэлдэнэ. Залуусыг Монгол бөхийн дунд ингэж хутгалдуулахын тулд ямар боломж байгаа, ямар орчин нөхцөлийг бүрдүүлэх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ бүгдийг шийдэх шаардлагатай. Энэ ажлыг “Монгол бөхийн хөгжил сан”-гаар хийнэ.

-Та өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Бидний хийх хоёрдахь ажил бол нийгмийн гэгээрлийн ажил. Хүнд зөв үзэл, зөв бодол, зөв тэмүүлэл төрүүлэх ажлыг нийгмийн гэгээрлийн ажил гэж томьёолъё л доо. Өмнө нь би “Яаж жаргах вэ”, “Амьдрал таньсан хүний үг” гэсэн хоёр номыг “Нийгмийн гэгээрэл сан”-гаас гаргасан. Мөн “Дуулах өдөр” нэртэй эрүүл мэнд гэгээрлийн ажлыг Бөхийн өргөөнд зургаадахь жилдээ явуулж байна. “Яаж жаргах вэ” ном арван таван мянган хувь, “Амьдрал таньсан хүний үг” ном таван мянган хувь борлогдсон. “Яаж жаргах вэ” номоос хүмүүс “Өөрийн байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байх”, “Хүн бүрийн жаргал зовлонгийн ногдвор тэнцүү учир бүгд бусдад атаархах явдалгүй”, “Хүний амьдралын утга учир нь бусдад тус болох явдал” гэх зэргийг ухаарч амьдралдаа хэрэгжүүлж яваа нь надад ирүүлсэн олон арван захидлаас мэдэгддэг. “Амьдрал таньсан хүний үг” номд Монголын нийгэмд танигдсан 12 алдартай хүнээс авсан ярилцлага орсон юм. Тэр хүмүүсээс урьд нь асууж байгаагүй “Хүний амьдралын утга учир юу вэ”, “Таны бодлоор яаж амьдарсныг зөв амьдарсан гэх вэ”, “Хүний амьдралын зовлон, жаргалын шалтгаан юу байдаг бол. Та юу гэж боддог вэ”, “Хүн бэрхшээлийг яаж даван туулах вэ” гэх мэт нэлээд олон содон асуултууд асуусан. Энэ номыг уншсан хүмүүс тэр амьдрал таньсан хүмүүсийн хариултаас их зүйлийг ухаарч, үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэдний хэлснийг өөрсдийнхөө амьдралд мөрдөж яваа тухайгаа олон захидлууд ирүүлж, дараагийн цувралыг гаргахыг хүсэж шаардсан байдаг. Ингэхээр нэг хүний ухаарч ойлгосон зүйл нөгөө хүнд зөв бодол, зөв үзэл, зөв тэмүүлэл төрүүлж амьдралд нь ач тусаа өгч байдаг байна. Ийм болохоор хүн бүр амьдралаас юу ойлгосноо бусдад түгээж байх нь нийгмийн үүрэг гэж үзэхээр зүйл юм. Тэр хүн заавал өндөр боловсролтой, гадаад дотоодод сургууль төгссөн байх албагүй. Биологийн ухааны эрдэмтэн Т.Содной гуай Говь гурван сайханд нутагтай Равжир гэдэг бүсгүйтэй уулзсан тухайгаа “1992 онд юм байна. Дэлхийн нүүдлийн мал аж ахуйг насаараа судалж яваа нэгэн хүн АНУ-аас манай оронд ирж, би тэр хүнтэй хамт Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Төв, Хэнтий нутгаар сар шахам явахдаа Өмнөговь аймгийн Булган сумын малчин, улсын аварга адуучин Аюурзана гэдэг айлд буулаа. Америк зочин маань уламжлалт зангаараа элдвийг асууж сонирхсоор бидний яриа манай шинэ Үндсэн хуулийн “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт руу орлоо. Аюурзанын гэргий Равжир “Тэр заалт чинь буруу. Түүний оронд мал аж ахуйн материаллаг бааз төрийн хамгаалалтад байна гэж заах байсан юм. Хамаг хашаа хороо, худаг усаа устгачихаад энэ төр юугаараа мал хамгаалах юм” гэж билээ. Монголоо мэддэг, малаа мэддэг Равжир шиг задгай ухаантай хүн эдүгээ цагийн манай төрд тун хэрэгтэй байна” гэж дурсан бичсэн байдаг. Ингэхээр ажилчин, малчин, дарга удирдагч, багш, эмч хэн ч бай бусдад санаа өгч зөв явахад нь чиг болох ойлголт бодомжуудтай байх тул түүнийгээ түгээж байх учиртай юм байна. Энэ бол нийгмийн гэгээрлийн ажил. Энэ чиглэлээр бид ажиллана. Бидний хийх гуравдахь ажил бол сум хөгжлийн ажил юм. Би Говь-Алтай аймгийн Чандмань сумын хүн. Сумынхаа нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг. Бид сумын 90 жилийн ойгоор 2014 онд 21 залууд бөмбөгөр цагаан гэр авч өглөө. Ард иргэдэд шашин номын үйлээ явуулах хөөрхөн дуган барьж өгөв.

Сургууль маань 2016 онд 90 нас хүрэхэд нутгийн зөвлөл зохион байгуулж, ард иргэдээс дээд тал нь нэг сая, доод тал нь 30 мянган төгрөг цуглуулж, зуун сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Энэ үйл ажилд манай сургуулийн захирал ихэд баярлаж “Манай сургууль шиг ийм анги кабинеттэй сургууль Монголын 335 сумд байхгүй” гэж хөөрөлхөж байсан. Эрэгтэй эмэгтэй, технологийн кабинет, дуу хөгжмийн кабинет, физик, химийн лаборатори, багш нарын контор гээд үнэхээр сайхан тоноглогдсон. Багш нар урам зориг дүүрэн ажиллаж байгаа. Одоо манай сумын нутгийн зөвлөл 2024 онд тохиох сумынхаа 100 жилийн ойг угтаж “Чандмань-100” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Сумдаа ой болох хүртэл 540 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотод суугаа ард иргэдээс хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цэцэрлэг, сургууль, соёлын төвөө шинэ шатанд гаргана, сумын төвөө ногоон болгож, цэвэр цэмцгэр сууринг бүтээнэ, хүмүүсийн орлогыг нэмэгдүүлнэ, оюун санааны хүрээнд өөрчлөлт хийнэ, намчирхах үзлийг арилгаж, эв эеийг бэхжүүлнэ гэх мэт ажил төлөвлөж байна. Сумдаа хийж буй энэ ажил санаачилгаа бусад суманд нэвтрүүлэх зорилгоор “Монголын сум хөгжлийн холбоо”-г байгуулан ажиллуулна. Танай сонин ч бас “Эх орон сумаас эхэлнэ” гэсэн тогтмол сайхан булан эрхэлдгийн хувьд хамтран ажиллах байх гэж найдаж байна.


Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Хар үхэр, алаг сүүдэр” роман өнөөгийн нийгмийн толь болжээ

МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Алтан-Өд”-ийн эзэн зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяагийн “Хар үхэр, алаг сүүдэр” роман уншигчдын алган дээр очоод удаагүй байна. Энэ номын нэрийг зэрвэсхэн харахад нэг л ойлгомжгүй. Хөдөөгийн нэг “үхэрчин хүү Цэрэндорж”-ийн тухай л ном юм байх гэж ойлгогдохоор. Роман үндсэндээ гурван гол баатрын шугамаар үргэлжилсээр, төгсгөлдөө нэг зангилагдаж өндөрлөнө. Энэ роман өнөө үеийн хүмүүсийн амьд бус харьцаа, хэт ахуйжсан сэтгэлгээг нээн өгүүлж, хүмүүсийн сэтгэл зүй, зовлон-жаргалыг дүрслэн үзүүлжээ. Зураач Чой бол урлагийн мөнхийн увдист шүтсэн бүтээгч дүр юм. Тэр эхнэр хүүхдээ тэжээх гэсэн эгэл хүслээс гадна өнгө мөнгөний хорвоод өөрийгөө алдчихгүй, урлагаас урвахгүйн тулд хүн чанараа эрдэнэ мэт дээдэлж, захиалгаар зураг зурахаас аль болох татгалзахыг хүсдэг нэгэн. Харамсалтай нь аргагүйн эрхэнд мөнгөтэй хүмүүсийн захиалгыг гүйцэлдүүлж, заримдаа бүсгүйчүүдийн натур ч зурна. Эхнэр нь “Янхан хүүхний дүр цоохорлосон чамайг ямар уран бүтээлч гэдэг юм” гэж сэтгэл рүү нь ус цацахад тэрээр урлаг гээч хоосон юм гэх гутралд орж, амьдрал нь утгагүй мэт санагдана. Тэр нэг л гайхамшигтай бүтээл туурвихсан гэж дотуураа шаналавч юу зурахаа ч ойлгож эс чадна. Зүүдэнд нь ямар нэгэн гайхамшигт санаа төрсөн боловч тэр буулгаж үл чадна. Харин захиалгаар зурсан бүсгүйнхээ хуучны эдийг зурахдаа байгаагаас нь ч “амьд” буулгана.

Цагдаагийн тусгай ажилтан Тогтуун бол нэр шигээ тогтуун амьдралтай аналитик, дүн шинжилгээний ажилтан. Амьдралыг тэр ажил үүргээ нэг л жигдээр гүйцэтгэж, ар гэрийнхнийхээ ч аз жаргалаас хумсалчихгүйг хичээдэг төрийн албан хаагч. Тэр нэг л цагт үдийн цайндаа орж хүнээс илүү ч биш, дутуу ч биш байхыг дадлаа болгосон хүн. Оюун ухаанаараа аливаад олон талаас ханддаг зан нь мэргэжилд нь тусаа өгнө. Харин аялал жуулчлалын компанийн захирал Гүндээ бол манай үеийн буруу гараар баяжсан мөнгөтнүүдийн нийтлэг төлөөлөл дөө. Хэдийгээр тэр эцэг эхээ алив зүйлээр дутаадаггүй ч энэ хорвоод хэнтэй ч үнэн сэтгэлээсээ харьцдаггүй, зөвхөн мөнгөөр л амь-хүчийг олсон өчүүхэн амьтан. Тиймдээ ч тэрээр гэргий авч гэрлэсэнгүй, хаймран хүүхнийг л амьдчилан, аминчхан амьдралаа үргэлжлүүлнэ. Тэр багаасаа доромжлогдон өссөн гунигт тавилангаасаа өшөө авах хэрэгсэл нь мөнгө гэдэгт итгэж оройн дээд шүтээнээ болгожээ. Татвараа үг дуугүй төлчихнө. Хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулахыг хичээнэ. Гэвч, эр нэг эндэж, эрэг нэг нурдаг ёсоор эцэст нь бүдрэх болно. Бүдрэх асуудал нь чухам юу байх нь уншигчдад сонин.

Романы үйл явдал нь гуч гаруй насны гурван бүсгүй ойр дотныхондоо ч мэдэгдэлгүй ор сураггүй алга болсон нь нийгэмд далдхан түгшүүр төрүүлнэ. Нөхөр хүүхэдгүй, боломжийн ажил амьдралтай гуч гаруй насны бүсгүйчүүл алга болоход яг үнэндээ хэн ч тэгтлээ үгүйлэгдээд байдаггүй аж. Энэ ч өнөөгийн нийгэмд тохиолдоод байгаа үзэгдэл. Эргэн тойрныхоо энэ насны хүүхнүүдийг анзаарч байхад бүгд л гадаадын аль нэгэн улс орон руу цагаачлаад явчихдаг. Тэднийг ямархан хувь заяа тосохыг хэн ч таашгүй. “Би энэ цаг үеийнхээ дууч, тэрнээс арван гуравдугаар зууны дууч биш” гэж тунхагласан эрхэм туурвилч маань нийгмийн эмзэг эл сэдвийг оюун билгийн мэлмийнхээ хажуугаар өнгөрөөгөөгүй ажээ. Цагдаагийн албаныхан, Тогтуун нар оньсого мэт эл хэрэг дээр нэлээд удаан ажиллана. Ямар ч сэжүүргүй эл хэргийн үзүүр гогцоог олохын тулд чухам ямархан оньсогын тайллыг уншигчдад бэлэглэх нь сонин биш гэж үү. “Хар үхэр, алаг сүүдэр” роман хоёр хэсэгтэй. Эхний хэсгийн өмнө “Төсөөлж байна гэдэг зурж байна гэсэн үг”, удаах хэсэгт “Зурж байна гэдэг арилгаж байна гэсэн үг” гэж бичсэн нь ч учиртай. Романыг уншиж дуусахад зураач Чойн ямар ч хэрэггүй мэт санагдаж байсан гэгээн авьяас билэг хэн нэгэнд ямархан аз жаргал хайрлаж, харин юм бүхнийг зоосны нүхээр хардаг болсон эд шүтэгч Гүндээгийн амьдрал ямархан гунигтай нуран унаж буйг харах болно. Зохиогч романаа яагаад учир битүүлэг нэрлэсэн нь ч тодорхой болох ажгуу. Тийм ээ, хар үхэр бол эмх замбараагүй энэ нийгэм, харин алаг сүүдэр нь философи утгаараа жаргал, зовлонт амьдралын тусгал биш гэж үү.


Categories
мэдээ цаг-үе

Цэндийн Доржготов: Нохойн хөшөө барилаа гээд эхийн эндэгдэл буурч, гэмт хэрэг багасах уу даа …

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Цэндийн Доржготовтой уулзаж хөөрөлдлөө. Москва хотын Хэвлэлийн дээд сургууль дүүргэж, “Тоншуул” сонинд ажиллан уран бүтээлээ туурвихдаа тэрээр “Улаан орхимжны давалгаа”, “Шим мандал”, “Цагийн өнгө”, “Үзэсгэлэн гоо мөнх бус”, “Тэнгэр дуугарахын өмнө”, “90 хоногийн оргодол”, “Бурханы ходоод лонх биш”, “Нөгөө нэг явдал” зэрэг роман тууж, ёс суртахууны сэдэвт олон өгүүллэг, хошин зохиолууд болон хоржоонтой уран егөөдөл бүхий нийтлэл, хэдэн зуун шог зургаараа олны танил болсон уран бүтээлч билээ.


-Наяад оны сүүлээр дөрвөн сарын нэгэн болохоор “Азтай бадарчин” энэ тэр болоод их сайхан байсан санагддаг. Тэр үед та ч зохиол бүтээлээрээ их оролцдог байв уу?

-“Азтай бадарчин” сайхан болдог байсан нь хоёр гурван шалтгаантай байх. Дөрвөн сарын нэгэн болоход шог зохиолчид уулзалт зохион байгуулна. Тэр үед одоог бодоход үзэж харах зүйл ч ховор байсан. Дуурь, драмын театрууд, улсын циркэд болсон ийм уулзалтуудад цонх үүдийг нь хагалаад нэлээд хохирол гаргаж л байж. Д.Даржаа гуай тэргүүлээд Жаргалын Барамсай, Шагдайн Цэнд-Аюуш бид хэд оролцоно. Бидний уран бүтээл хүний дурыг булааж байсан нь юу л бол. Яахав сонсъё гэсэн гайгүй юмнууд байсан л байх. Ер нь тэр үед Улаанбаатарын иргэд юм үзэж чаддаггүй байж. “Элдэв-Очир”, “Ард” кино театруудад орос кино л гарна. Одоо цагт өдөр болгон, долоо хоног бүр л хошин шогийн шинэ тоглолттой байх юм, зурагтаар гарч буй сурталчилгааг харахад.

-Таны бие лагшин тунгалаг уу. Хавар болж байна, гадуур дотуур явах юм уу?

-Жил ирэх тусам л хөл хумигдаад байна. Ноднин овоо байсан, энэ жил тэрэндээ хүрэхгүй. Уржнан бол одоо бодоход би залуу хүн шиг давхиж байж. Тэгээд одоо яахав, хорвоогийн жам хойно гэртээ сууж байна. Монгол сайхан эх орондоо төрөөд хар нялхаасаа ажил хийгээд, сургуульд сураад бусдын адил яваад байсан хүн. Дээшээ нэг их цойлсонгүй, доошоо ч нэг их унасангүй. Хөгшин бид хоёр насны тэтгэвэртээ, дулаан байранд, хүүхдүүд тойроод байж байна. Сайхан л өтөллөө. Тэгтлээ их үглээд дуулаад байх юм надад алга. Энэнээс илүү яахав. Яагаад би ийм өөдрөг сэтгэлтэй байна вэ гэвэл нэгдлийн мал насаараа малласан аав ээж хоёр минь тэтгэвэр гэдэг юмыг үзэлгүй үхсэн юм байгаа юм. Би амралтаараа аав ээж хоёр дээрээ их очимхой хүүхэд байсан. Очоод хэд хоноход тэр хоёр минь малын хойноос сөхөрч унатлаа явж байсныг өөрийнхөө дулаан байранд тарвалзаж буйтай харьцуулаад бодохоор тэнгэр газар шиг ялгаатай, би их азтай байна.

-Та ч нийгмийг өөрийн өнцгөөс хардаг, сэтгэгч-шүүмжлэгч хүн дээ. Зурагтаас өнөөгийн байдлыг харж анзаарч л суугаа биз?

-Энэ капиталист нийгэм гэдгийг чинь бүх өмч өөрийнх болоод, төрийн тогтолцоо нь олон намтай болоод зөвхөн хуулин дор л ямар ч хүн амьдарна гэсэн нэг үг байдаг шүү дээ. Би энэ ардчилал, зах зээлийг чинь ийм зам гэж ойлгосон юм. Гэтэл энэ нийгэмд хууль үйлчлэхгүй байна. Яасан ч олон телевизүүдтэй юм. Нэг нь юм ярихад нөгөөх нь тэс хөндлөн юм гаргаад л, эмхрэхгүй бол ч нэг л биш ээ. Яваандаа эмхрэх биз. Жараад оноос л сургаар Япон тэгдэг гэнэ, Америк, Баруун Герман тийм гэнэ гэж хааяа тийш явсан хүнээс дуулаад ардчилал, зах зээл гэдэг юмны талаар төсөөлөлтэй болсон хүн. Зөвлөлтөд жараад онд намайг сурахаар очиход сэхээтнүүд нь ардчилсан үзэлтэй “Өөрөөр сэтгэгчид” гээд намын хараанд өртчихсөн үе байсан юм. Аав ээж малаа нийгэмчлэлд булаалгаж дээрэмдүүлээд дотроо юмтай очсон намайг Оросын тэр залуучууд ухааруулж, санаа бодлыг минь дэлгэрүүлж өгсөн. Хүмүүс намайг “Москвад төгссөн юм чинь улаан коммунист” гэж боддог байх. Би тэр оросын уран бүтээлч нөхдийн нөлөөгөөр объективный байдлаар аливааг дүгнэх санаатай шүү явсан юм бол уу даа. Нийгмийг шүүмжилдэг “Тоншуул” сонинд ажиллах болсон би ч азтай хүн. Би худлаа магтаж үнэндээ чадахгүй. Үнэн сайхан юмыг магтах бол бахархалтай шүү дээ. “Тийм биш ээ” гэсэн юмаа магтах чинь зовлонтой ёо доо. Одоо ч та нарт ийм зовлон тохиолддог л байх даа. Мөнгө төгрөг өгдөг авдаг гээд ярих юм. Тийм юм ч цаанаасаа муухай шүү.

-Үнэн сайхан юмыг магтах сайхан гэлээ. Танд юу үнэн сайхан санагддаг вэ?

-Хүний нэг сайхан мөн чанар байдаг даа. Хамгийн дээдийн сайхан нь ээжийн сэтгэл юм даа. Энийг чинь хүн яаж шүүмжлэх вэ дээ. Үнэн, худал мэдэгдэхгүй ч гэсэн Буддагийн зөв амьдрах тухай сургаалийг уншихад сайхан юм байна гэж санагддаг. Гэхдээ хүний хувь тавилан өөрөөс нь шалтгаална. Өөрөө бурханы зааснаар зөв амьдрах нь зөвхөн өөрөөс л шалтгаална. Үндсэндээ Бурханы шашны мөрөөр насан турш зөв замнасан хүн цөөхөн байдаг. Тэвчээр алдарна, эдэд шунана, хүнээс чинь янз бүрийн муу араншингууд гарч ирдэг байхгүй юу. Надаас ч ялгаагүй л муу араншин гарна. Тэрийгээ гагцхүү Буддагийн зөв амьдрах сургаалтай харьцуулаад “Ингэхэд болохгүй, тэгвэл болно” гэдгийг ялгаж байх учиртай. Бурханы сургаал надад хэрэг болсон. Бурхан байж ч мэднэ, байхгүй ч байж болно. Хамгийн гол нь сургаальд заасанчлан чи нүгэлгүй орлогоор амьдар. Өөрөөр хэлбэл чи хээл хахууль авч болохгүй нь ээ дээ. Хөлсөө цутган хөдөлмөрлөж, оюунаа шавхан байж олсон мөнгөөрөө амьдар гэсэн гайхамшигтай сургаал байна шүү дээ.

-Таны саяхан гаргасан номд “Гашууны голын хүү”, “Ерэн хоногийн оргодол” гэсэн бүтээлүүд чинь орсон байсан. Тэнд гарч байгаа аав нь шоронд орж байгаа, битүүний шөнө тэмээгээр ирж байгаа зэрэг явдлууд таны амьдралд тохиож байв уу?

-Яг бодит явдал ч биш юм аа. Уран зохиолыг арай ч тэгж амьдралыг хуулж бичихгүй шүү дээ. Ерөнхий ноён нуруу нь бол тэр. Тэр рааманд би уран сайхан оруулаад хүний нэр усыг нь өөрчлөөд явчихсан юм. “90 хоногийн оргодол” туужид дотуур байрны хүүхэд өлсөж цангаж байгаа, хонь мал төллүүлж, ээж нь их ядарч байгаа, аав нь шоронд явж буй энэ тэр бүгд л монгол түмний туулсан амьдрал. Ганц манай аав хэрэгт татагдаж байгаа юм биш шүү дээ. Овоо малтай айлуудад мундаг ногдол оноогоод, тэд нь гүйцэхээ байгаад шоронд явчихдаг. Үнээнийхээ сүүг өөрөө ууж чадахгүй, тугал нь ч хагас хугас хөхнө. Тийм айхтар татвартай байлаа. Айраг овоо гайгүй байснаа сүүлдээ айраг хуу хамдаг болсон. Малын ашиг шимийг яагаад тэгж их хэрэглэх болсон нь ойлгомжгүй л байдаг юм. Орос руу малыг хөлөөр нь их гаргасан шүү дээ. Энэ тухай ярихаар “Зөвлөлтийн ачаар сурчихаад мууллаа” гэж үзэх янзгүй хүн олон шүү. Намайг оюутан байхад Оросын сэхээтэн, уран бүтээлч нөхөд “Оросууд хөрш орноо хөгжүүлэхгүй юм. Аль том төслийг нь гацаагаад байх юм” гэцгээхэд би “Юу л бол доо” гэж гайхдаг л байсан. Манайд ч “Эрдэнэт”-ээс өөр том төсөл ч ямар байсан ч биш дээ. Ялангуяа Киевээс ирсэн хэдэн оюутан надад их ярьдаг байсан. Одоо харж байхад үнэн л байж. Украйнчууд бол монголчууд биш шүү дээ. Оросуудтай хэрэлдвэл хэрэлдэнэ, зодолдвол зодолдоно, маргавал маргана. Би нэг муу монгол хажуугаас нь харж байхад украйнчууд “Та нар дарлаад байна. Бид тусдаа байх хэрэгтэй. Тэгээд найрамдалтай ах дүү хөрш байвал сайхан явна” гэдэг байсан. Оросууд бол дээрэлхүү юм билээ. Тэрэндээ ч импер нь задарсан. Хоёр импер задрахыг бид үзлээ.

-Нэг импер нь ЗХУ байсан. Харин нөгөөх нь?

-Чин гүрний импер 1911 онд нураад ойчсон. Англи, Америк, Япон, Орос тал талаас нь дайраад орсон. Энэ тодорхой түүх учраас би нэг их яриад юу хийхэв дээ. Тэгэхэд Манжийн хараат түшмэг улс шүү явсан монголчууд овсгоотой загнаж Чин гүрнийг бут үсрүүт шалавхан хуралдаж, тусгаар тогтнолоо зарлаад л Богд хааны тамгатай бичгийг хоёр сарын дараа тусгаар болсон Хятадын Засгийн газарт илгээсэн байгаа юм. Ийм том гүрнүүд задарлаа. Хүнд ч гэсэн уруудах, дээрдэх, дордох үе байдаг шүү дээ.

-Манай урд, хойд хоёр хөрш Монголыг хөгжүүлэхгүй “хадны завсар хавчуулсан халиуны зулзага” болгоод байна гэцгээх юм. Та энэ талаар ямар бодолтой явдаг бол?

-Би энэ тухай нэлээд бичдэг. Улсууд ч нэлээд хараадаг. Төр засгийн жолоодогч сайд улс чинь хамаагүй ярьж болдоггүй юм байна лээ, хөөрхий. Намайг ч гэсэн сайдаар тавьчихвал би одооных шигээ шүүмжлэлтэй ярихгүй. Яагаад гэвэл тэр том албанд очихоор улсын, төрийн хүн болчихно шүү дээ. Яагаад улс орны энэ байдлыг зохиолчид, сэтгүүлчид зоригтой хэлээд байна вэ гэдгийг чи бод доо. Би удирдагч, сайд нараас хамаагүй үнэн хэлдэг. Том зохиолчид дандаа л үнэн ярьдаг. Энэ бол төрийн өмнөөс биш Доржготов өөрийнхөө өмнөөс ярьж байгаа учраас тэр юм. Оросын шог зохиолчид биднийг их муу хэлдэг. Би тэрэнд нь жигтэйхэн уур хүрдэг байлаа. Одоо чукчаг орхичихоод “Тэнэг монгол тэгдэг гэнэ ээ” гээд ярьдаг болсон шүү дээ. Улстөрч хүн бол болгоомжтой ярихаас аргагүй. Тэд чинь үнэн худлыг мэдэж л байгаа. Улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор хэлэхгүй байх нь ч зөв. Зохиолчид, сэтгүүлчид бид тэдний хэлээгүй, яриагүйг хэлж бичиж байх ёстой. Гэхдээ муулсан болгон дийлдэггүй юм. Үнэнээр нь, юмыг нотолгоотой, (хамгийн гол нь үнэн гэдэг үг шалдан болчихоод байгаа юм) баримттай л хэлэх үүрэгтэй. Геометр, алгебрийн томьёо шиг үнэн баримттай, нотолгоотой бичих хэрэгтэй. Залуучууд та нараас тэрийг л хүсэж байна.

-Зохиолч, яруу найрагчид, уран бүтээлчид нийгмийн баялгийг бүтээгчид биш гэсэн хандлага нийгэмд бий болоод байх шиг…

-За яахав, тэд тэгвэл тэгж л байг. Бүхэл бүтэн гурван сая гаруй хүн байна. Хятад гэхэд 1.4 миллиард хүнтэй. Бүгдээрээ баялаг бүтээгчид гээд шавар зуураад барилга бариад байхгүй шүү дээ. Оюун санаа чинь маш их үнэ цэнтэй зүйл. Төр нь зөв бодлого явуулаад, иргэд нь гадны нөлөөнд хууртагдахгүй, үнэнийг ойлгочихвол авьяас гэдэг чинь үнэлж баршгүй баялаг. Яруу найрагчид, сайхан хоолойтой дуучид чинь энэ их олон хүн амын хэдхээн хувь нь юм. Энэ хэдхэн хувь хүмүүс массаа байлдан дагуулж араасаа шууруулах хэрэгтэй. Тийм хэмжээнд хүрэх эсэх нь уран бүтээлчдийн авьяас юм. Улс оронд уран бүтээлчид зайлшгүй байх хэрэгтэй. Шог зохиолчийг аваад үзье л дээ. Дээр үед “Бадарчны үлгэр” гэж яригддаг байсан биз дээ. Одоо ч гэсэн шог зохиолчийн энэ үүрэг байж л байгаа.

-Танай шог зохиолчдоос сүүлийн үед гайгүй уран бүтээл хийж байгаа хэн гээч авьяастан байна?

-“Тоншуул” сэтгүүл гарахгүй болохоор би сайн мэдэхгүй юм. Амарсайхан гээд залуу бичээд, зураад байгаа л сурагтай байх юм. Бас Дагвын Жаргалсайхан гээд залуу бий. С.Цогтбаяр “Тоншуул”-д татаад хэдэн сар ажиллуулж үзсэн байх. “Тоншуул”-аа гаргадаг чадалтай бол эд чинь улам л хөгжөөд, туурвиад л байна л даа. Намайг Нацагдоржийн шагнал авахад Жамцын Шагдарын “Монголд ирдэг хошин шогийн олон шувуудын нэг цөөрөм байдаг. Тэр нь “Тоншуул” гэсэн нэг үг байдаг юм. Уг нь сэтгүүлээ гаргачихвал хошин шогт дөртэй, дуртай эд маань нэг доор цуглачих л юм л даа.

-Өнөөгийн нийгэмд инээдэмтэй бас эмгэнэлтэй юм юу байх шиг байна?

-Амьдрал гэдэг юм чинь барагдашгүй, таагдашгүй. Хүн ч гэсэн таагдашгүй. Хүнийг бүрэн танина гэж байхгүй байх. Хүн таних байтугай би өөрийгөө ч ямархуу этгээд вэ гэдгээ таниагүй л явна. Тэрэнтэй адил ямар ч хөгжилтэй нийгэмд тайлагдахгүй юм нь хүн төрөлхтнийг зовоогоод л явах байх. Энэ оньсогыг тайлах гэсээр хүний оюун ухаан цэцэглэж хөгжиж байгаа юм. Ямар ч асуудалгүй болчихвол хүний нийгэм их хачин болчихно шүү дээ. Шог хошин зохиолоороо жишээ авахад л аливаа юм бүхэн тэнэгрээд байна. Тэнэгэрч байгаад нь би их харамсаж байгаа. Улс төрд сонголт хийж байгаа нь, талцаад хэрэлдэж байгаа нь, хамгийн аймаар нь төрийн том түшээ нь хүртэл ярьж хэлж байгаа нь дэндүү тэнэгэрч байгаагаа илэрхийлэх болсон. Хэн ч гэнэ вэ нэг гишүүн Баянзүрх дүүрэгт нэг чулуун нохойны хөшөө барьчихсан байгаа юм. Тэрийгээ сонин дээр “Энэ хөшөөг барьснаар хүүхдийн эндэгдэл эрс буурч, хулгай гэмт хэрэг багаслаа” гээд гаргачихсан байгаа юм. Тэр чулуун нохойны ачаар тийм юм болно гэж байх уу. Тэгж хэлэхээр л би урам хугараад байгаа юм. Гишүүнээс нохойны хөшөөний талаар биш одооны эдийн засгийн менежмент, хоёр хөрштэйгөө яаж зохицож, яаж гуравдахь хөрштэйгөө харьцах вэ гэх мэтийн өөр юм сонсмоор байна шүү дээ. Ийм тэнэгэрэл их байна аа. Тэнэгэрэл хүнийг ичихгүй болгочихдог байхгүй юу. УИХ-д хачин хачин юм яриад байгаа гишүүд байна аа даа. Эд чинь тэнэгэрээд ичих мэдрэмж нь ажиллахаа больчихсон байна шүү. Шог зохиолч энэ тэнэгэрлийг эдгээж, инээдийг өгдөөж, тэр муухай өвчнийг багасгах ёстой юм.

-Манай хошин шогийн хамтлагууд хятад болж худлаа шушмаатаж шулганах юм уу, хөдөөний эмгэд өвгөдийг л доромжилсон үзүүлбэрүүд тоглох юм. Нарны зайгаар зурагт үздэг болчихсон өнөө цагт тэгтлээ буйдарчихсан ухаантай эмгэд өвгөд ч нүдний гэм л болсон санагдаад байдаг юм даа?

-Тусгүй юм байгаа юм. Муудаа эрэлхэж байгаа юм. “Муу нь муудаа, муна нь гадсандаа дээрэлхүү” гэдэг байх аа. Тэрэн шиг л юм болж байгаа юм. Хүн үнэн юманд дургүйцдэг. Тэр дургүйцэл нийгэмд их багасч байна. “Өө, надад хамаатай биш, яасан ч яахав. Тэр тэгж хулгай хийгээд хилийн цаана луйвар хийжээ гэж ярихад л надад л хамаагүй байвал барав” гэдэг болж. Харин өөрсдөө авилга өгч, алхам тутамдаа хууль зөрчих эвгүй нөхцлийг бий болгоод байна шүү дээ. Үр хүүхдийнхээ ирээдүйг ч баллаж байна. Тэгээд нэг том хулгайчийн нөмөрт очиж байна. Нөмөрт байх нь яахав гэхэд тэр хулгайч нь дандаа хулгай хийхийг албадна. Нөгөө муу чинь сүүлдээ шоронд ороод том нь үлдчихээд байгаа баримт жишээ зөндөө байх юм. Энэ бол харамсалтай. Тааруухан, оюуных нь төвшин доогуур байгаа ард түмнээс муу дарга л сонгогдоно.


Categories
мэдээ цаг-үе

Дуучин Чулууны Батцэнгэл: Дэлхийн дуучин Пүрэвдорж багштайгаа шавь барилдсан азтай хүн дээ, би

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын консерваторийн дуулах ур зүйн багш, дуучин Чулууны Батцэнгэлтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр бие даасан тав дахь тоглолтоо дөрөвдүгээр сарын 20-нд толилуулахаар бэлтгэлдээ ороод байгаа аж.


-Монголын Дуурь, бүжгийн эрдмийн театрт нэлээд олон жил дуулсан дуучин маань аль нутгийн хүн билээ?

-Миний өвөг дээдсийн нутаг бол Завхан аймгийн Шилүүстэй сум. Хуучнаар Засагт хан аймгийн Хошууч бэйсийн хошуу. Завханы урд талын дөрөв таван сум, Говь-Алтайн хойд талын Дэлгэр, Тайшир сумд багтах жишээний. Баянхонгорын Баянбулагийн зарим хэсэг ч ордог юм шиг байгаа юм. Үндсэндээ Отгонтэнгэр хайрханы өвөр талд идээшиж ирсэн өвөг дээдсийн удам. Жараад оны дундуур аав, ээж хоёр минь айл гэр болж аймгийн төвд суурьшсан. Аавыг маань жолооч Чулуун гэхээр Завханыхан андахгүй. Тухайн үедээ сум дундын эмчийн анхны жолооч байсан гэдэг. Аймагт ирснээр худалдааны байгууллагад аав сүүний тэрэгний жолооч, ээж Лхамхүү маань худалдагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Ээжийн минь нэгэн гавьяа нь долоогийн долоон хүү төрүүлсэн айлын дархан бэр. Би отгон хүү нь юм. Эртний түүхт Улиастай хотод төрсөн дөө. Гэхдээ би Шилүүстэй сумаараа овоглодог.

-Танай сумаас чинь төрийн шагналт яруу найрагч Б.Цэнддоо, Цогдоржийн Бавуудорж нарын алдартнууд төрсөн байх аа?

-Би Завханы 90 жилийн ойд уригдаж дуулахдаа “Жил дараалаад төрдөг төрийн соёрхолтонтой аймаг ховор байх. Тэгэхэд манай сумаас хоёр соёрхолтон төрнө гэдэг гайхамшиг” гэж хэлсэн. Манай Шилүүстэйгээс чинь томоохон бизнесмэн ховор. Хивсний эх бэлдсэн зураач Түмэнбаяр гуай манай сумынх. “Болор цом”-ын түрүү найрагчид Янжинлхам бурхан бүтээж өгдөг Вандандорж гуайн ах шүү дээ. Тэмээчин баатар Бумбаа, хоньчин баатар Нацагдорж нарын ажилсаг мундаг хүмүүс төрсөн нутаг. Нацагдорж гуай бол миний нагац талын хүн. Ууган ах минь Орост сургуульд яваад, удаах нь Дарханд цэрэгт очоод эхний гурван хүү нь амьдралын хөдөлгөөнд оролцоод ирэхэд манайх намайг зургаан настай байхад Дарханд суурьшсан. Ухаан орох цагаасаа л Хараа голын хөвөөн дээр өслөө дөө.

-Урлагт хэдий үеэс шимтэх болов?

-Арван гурав дөрөвтэйгөөсөө урлагт дурласан даа. Би их бүрэг хүүхэд байсан юм. Манай хэдэн гудам Махын хороолол нэртэй. Дарханы Мах комбинатын ойролцоо л гудмууд байхгүй юу. Хүүхдийн баяраар ажилчдын хүүхдүүд Мах комбинат руу аав, ээжийнхээ нэрийг хэлж ороод тэмцээнд оролцоно. Талбайн зургийн, дууны, шүлэг, бүжгийн гээд маш олон тэмцээн явагдана. Зургадугаар ангид байхдаа эхнэр нь тэнд ажилладаг Ёндонжамц гуайн Батсүхийн нэрээр би орж долоон тэмцээнд түрүүлж, долоон бэлэгтэй ирж байлаа. Цаанаасаа л нэг увдис ч гэх юм уу нэг зүйл намайг ингэж урлагт татаж эхэлсэн. Зургадугаар ангиасаа драмын дугуйланд явлаа. Наймдугаар ангид ордог ерээд оны эхээр Дарханы “Залуучууд” театр бараг эзгүйрч эхэллээ. Алдарт Бужгар, И.Нямгаваа, Магсаржав нар хот руугаа яваад үндсэндээ жүжигчидгүй болчихгүй юу. Дараа үеэ бэлдэх бодлого ч байсан юм дугуйлангийн сурагчдаасаа дагалдан жүжигчин авдаг юм. Тэгэхэд би “Наймдугаар ангиа төгсчихсөн” гэж гавьяат жүжигчин “цоохор” Мижиддорж гуайн хүү Цогт найруулагчид худлаа ярьж байж жүжигчнээр орсон. Аав их уурласаан, намайг тэнд жүжигчнээр ороход. Оройгоор аравдугаар анги төгслөө. Дарханы театрт намайг дагалдангаар ажиллаж байхад яруу найрагч Жамьянгийн Болд-Эрдэнэ зураачаар ажиллаж байлаа. Тэр үед намайг утга зохиолд дурлуулсан нэг өгүүллэг байдаг юм.

-Ямар өгүүллэг билээ?

-Зургадугаар ангидаа Сэнгийн Эрдэнийн “Хулан бид хоёр”-ыг уншаад номонд дурласан. Сүүлдээ Чехов, Достоевский гээд дэлхийн сонгодгуудын зохиолд орж эхэлж байгаа юм. Тэгээд л СУИС-д оръё гэж сэтгэл шулуудлаа.

-СУИС-д хэдэн онд элсэв?

-Ерэн тав, ерэн зургаан онд хоёр жил конкурстээд үсэрч байгаа юм. Тэнд хэн бид хоёр үсрээд байна вэ гэхээр найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж бид хоёр байгаа юм. Наймаа төгсөөд мань эр Хүүхдийн театрт гэрэлтүүлэгч хийж байсан юм билээ. Би бас тэр театрт хүүхэлдэйн жүжигчин болно гэж урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч А.Чойсон гуайн шавиар нэг жил ажиллаж байхдаа Сэнгээтэйгээ танилцахгүй юу. Ерэн долоон онд Со ахын дуулдаг “Тогосын цагаан овоо” дууг дууллаа. Шүүгчээр Сугар, Лхасүрэн нарыг сууж байхад нь толгой дээгүүр нь аваад хаячихлаа. Тэгсэн Лайхансүрэнгийн Лхасүрэн багш “Чи жүжигчин болно оо. Нэг л юм хайран байна. Чиний хоолой ямар гоё юм. Чи хоёр давхарт гараад шалгуулаад үз” гэлээ. Дуулаачид бүртгүүлчихлээ. Зуугаад хүүхдээс найм, есөөр шалгарч ямар ч байсан орчихлоо. Хайдав, Пүрэвдорж, Жамьянжав нарын цаст уул шиг ланжгарууд сууж байгаа юм чинь. Багш нар хуваарилсан чинь би багшгүй болчихлоо. Манай ангийн Буриадын ардын жүжигчин Мөнхзул, “Номинталст”-ын Дэлгэрмөрөн, Ариунбаатар нар чинь хөдөлмөрийн баатар Пүрэвдорж багштай хавраас бэлдээд орчихож байгаа юм. Дуучин Хишигбаяр “Тодбаяр жилийн чөлөө авсан. Пүрэвдорж багш нэг хүүхэд авна гэсэн” гэж байна. Уянгаа гавьяат эд нар чинь дасгал уншаад л хачин сайхан байгаа юм чинь. Манай ангид Бат-Эрдэнэ гавьяат, “Классик Жем”-ийн Мөнхбат, Хишигбаяр, Оюумаа нарын авьяастнууд байлаа. Манай анги чинь Дуурийн театрт ангиараа урилгаар орсон юм шүү. Багшийг хар машинтайгаа өглөө ирэхээр л уулздаг ажилтай.

-Хичээл эхэлдэггүй ээ?

-Хорин нэг хоноод уулзтал “Чи надаас ноотоо ав” л гэж байна. Хагас жил явсан чинь миний хоолой болдоггүй ээ. Дуулаачийн хоолойг эмчлэх мэргэжлээр Орост төгссөн хүн Монголд Лхамсүрэн гэж ганцхан эмч байдаг юм. Бусад нь зүгээр хамар-хоолойн эмч нар. Пүүжээ багш “Голын эрэг дээр насаараа архи уучихсан өвгөчүүл дуулж байгаа юм шиг наад хоолой чинь пажигнаад болохоо байлаа” гээд тэр хүн рүү явууллаа. Долоо хоног эмчлүүлсний дараа Сүхбаатар жанжинд тоглодог Дашнамжил гуайн дэргэд “Чи одоо зүгээр” гэж хэллээ.

-Ямар эмчилгээ хийв?

-Хамрын хөндийд байдаг дууны хөвч гэж хоёрхон судас байдаг юм. Тэр рүү тарихгүйгээр цагаан нунтаг эм цацаад, чацарганы тос хийгээд байсан. Хагас жилийн шалгалтаараа гайгүй ч дууллаа. Тэр үед ч бас жүжигчний ангид урвачих санаатай л байгаа юм. Найдандорж найруулагчийн удирдсан Нарансолонго эд нарын анги л даа. Доржсамбуу найруулагч Драмын театрт түүхэндээ жүжигчний мэргэжилгүй хоёрхон хүн авсан байдаг. Нэг нь Баянхонгорын театраас Дорлигжав гуайг, нөгөөх нь Завханы декатаас Завханы Шилүүстэйн сахал Ж.Пүрэвдорж ахыг авчирсан юм билээ. Пүүжээ ах дээрээ давхиж очоод “Би жүжигчин болмоор байна” гэлээ. Алтан-Өлзий гавьяат тэр хоёр ярилцаад ардын жүжигчин Жамсранжав гуайтай уулзууллаа. Би этюд үзүүлээд, дууллаа, шүлэг уншлаа. Ангиа солих гээд байгаа царай нь шүү дээ. Жаамаа тэгэхэд аймаар үг хэлсэн шүү.

-Ямар үг хэлж байх юм?

-“Хонины нэхийг шар устай ганд хийгээд элддэг үү, тэгдэг. Гүйцэд ганд хийгээгүй дутуу идээлүүлсэн арьсыг одоо химийн лабораторид оруулбал жүжигчин болох бол уу, яах бол. Тэрнээс чамд өгөгдөл байна. Шууд чамайг химийн лабораторид оруулчихвал гүйцэд боловсрохгүй бол яахав. Монгол аргаараа гандахаас аргагүй” гэж байгаа юм. Гадаа, тухайн үеийн од жүжигчин, миний найз Дэмидбаатар Пүүжээ ахад “За, та нар хүний амьдрал алчихав” гээд бас санаа тавиастай. Тухайн үед Дэмидбаатар, Одончимэг, Энхтуул нар чинь жинхэнэ одууд байлаа шүү дээ. Пүүжээ багшийнхаа урмаар дуулаачийн ангидаа цаашаа сурсан даа. Пүүжээ багш чинь хүнийг ил магтахгүй шүү дээ. Манай курсээс Хишигбаяр бид хоёр багшийн удирдлагаар сурсан. Их Чайковскийн наадмын шүүгч хүн чинь тийм том байхаас ч яахав. Багшаас үг сонсоно гэдэг хэцүү. Золбин үг сонсоно гэдэг шиг л юм болно доо. Намайг нэг удаа ангидаа дуулж байсан чинь өөрийн шавь Долгормаа гавьяат, Доржхорлоо гавьяат нарт “Манай энэ онгойчихсон байгаа биз” гэхийг сэмээрхэн сонсчихоод мөн ч их баярлаж билээ. Хишигбаяр ч гэсэн миний өмнөөс их баярлаж гарч ирж байлаа.

-Тэр агуу дуучны шавь мундаг байхаас л аргагүй юм байна даа?

-“Сайн хүний нэрийг гурав худалдаж иддэг” гэдэг шиг би өөрийгөө соёлын өв тээгч л хүн гэж бодож явдаг. Зураач, яруу найрагч, хөгжмийн зохиолч чинь урлагийн жинхэнэ бүтээгчид. Энэ нүүдэлчдийн уудам талд дураар омголон өссөн хүүхдүүдийг дэлхийн тайзнаа гарахад гүүр нь болох юм сан гэж бодож багшилж байна. Дуурийн театртаа арваад жил ажилласан.

-СУИС-иа төгсүүт мэргэжлийн театрт ажиллахгүй нийтийн дуу дуулаад явчихсан бол олон түмний танил дуучин болчих байж дээ гэсэн харамсал төрдөг үү?

-Сургууль төгсөх үед урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од багш маань Шанхайн хөгжмийн дээд сургууль дүүргэж ирээд Бат-Эрдэнэ бид хоёрт “Нанжиний намар”, “Хүүдээ” гэсэн хоёр дуу сонсгоод “Чамд энэ таарна” гээд өгсөн юм. Бат-Эрдэнэ “Хонхны нулимс”-ыг, би “Хүүдээ”-г дуулсан чинь хоёулаа хит болж байлаа. Багын найз Сэнгэдорж маань клип хийж өгч байлаа. Ая зохиогч, дуучин Норовын Баасандорж одоо “Чи “Хүүдээ”-гээ дуулсныхаа дараа хэдэн дуу дуулчихсан бол од болох байсан” гэдэг юм. Пүүжээ багш минь “Чи Юндэнд дуулна шүү. “Ламбагуайн нулимс” дуурийн Лодон гэвшид тоглоно шүү” гээд итгэл хүлээлгэсэн болохоор дуурьтаа үнэнчээр үлдсэн дээ.

-Гэхдээ дууриас олсон зүйл их биз?

-Асар их юм олсон. Тэр том айл, асар том хөгжмийн ай саваас их юм ололгүй яахав. Улсын филармонийн оркестр, дуурьтай нийлээд Туулайхүү удирдаад Зундуйн Хангалын “Салхич шувуу” бүтээлийг тоглоход тайзны хөшигний хажуугаас сонсож байгаад өөрийн эрхгүй уйлсан шүү. Юу гэж бодсон бэ гэхээр орчлонд ямар ч их мөнгөтэй, том бизнесмен болсон бай хэрвээ би урлагийн хүн болж төрөөгүй бол ертөнцийн энэ гайхамшгийг мэдрэхгүй байж гэж уйлсан. Урлагийн гайхамшиг үүндээ л байдаг. Зундуйн Хангал гэж хөгжмийн зохиолч арав хорин жилийн өмнө ардчилал гэдэг юмыг зөгнөж үнэрлээд бичсэн бүтээл шүү дээ. Сонсоход л цагаан азарга дэлээ хийсгэн давхиж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Монголын дуурийг дэлхийд гаргасан Ганбат ах, гавьяат Ганхуяг, дуучин Оюунчулуун, Баясгалан нарын сайхан ах нар биднийг их сайхан хүмүүжүүлж өгсөн. 2007 онд төрийн шагналт, ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэнгийн нэрэмжит “Учиртай гурван толгой”-н улсын уралдаан боллоо. СУИС-ийн айхтар хоолойтой оюутан хүү надтай үлдэж Юндэнгийн дүрд би түрүүлсэн юм.

Тэр хүү бол өнөөгийн дэлхийн дуучин Амартүвшин байлаа. Миний найз нар одоо “Дэлхийд тоосгүй дуучны анхны тоос нь чинийх шүү” гэж намайг дооглодог юм. Амартүвшин дүү маань Ерөө багшийнхаа найранд нэг ширээнд суухдаа “Ардын жүжигчин Гантөмөр гуай үлгэр жишээ Лодон гэвш байсан гэж ярьдаг. Би үзэж амжаагүй. Харин миний үлгэр жишээ Лодон бол Батцэнгэл ах шүү” гэхэд баярласан шүү.

-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Халтарын Билэгжаргалын “Ламбагуайн нулимс” ч гайхамшигтай монгол дуурь гэж хөгжим судлаачид, мэргэжлийн хүрээнийхэн шагширдаг. Та гол дүрд нь хэзээ тоглов?

-2008 онд гол дүр Лодон гэвшид тоглосон. Дүрдээ орохын тулд хуйх наадаг байхгүй юу. Үсгүй болгоод цавуудчихдаг болохоор тэр нь таталдаад их хэцүү л дээ. Тоглохоос гурав хоногийн өмнө үсчин рүү ороод үсээ хусуулсан. Ламд тоглохын тулд маань мэгзэм сурч байгаа юм. Тоглолт дууссаны дараа Билэгжаргал ах маань ардын жүжигчин Долгор эгч ч “Энэ бол жинхэнэ лам байлаа” гэж байлаа. Энэ хэтэрхий өөрийгөө магтсан болчихгүй байгаа. Дүрдээ ач холбогдол өгснөө л хэлж байгаа нь энэ л дээ.

-Уран бүтээлийн кино концертоо цомог болгон гаргасан байх аа?

-Нутгийнхаа төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтойгоо хамтарч олон уран бүтээл хийсэн.

Анх “Очирваань уулын цагаан үүл нь

Орчлонд намайг дагаж нүүдэг

Мөнхийн ногоон арц нь хүртэл

Мөр замыг минь хучиж ургадаг” гэсэн шүлэгт хөгжмийн зохиолч Даваабазарын Батсүх маань аялгуу зохиож бас ч нэг дууны наадамд тэргүүн байр эзэлж байлаа. Анхны тоглолтоо 2003 онд хийхдээ энэ уран бүтээлээрээ нэрлэсэн. Бөхийн өргөөнд Бавуу бидний шүтдэг амьд хувилгаан Андиа гэгээний үр хүүхдүүд хүртэл ирж үзсэн байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн Чойгивын Сангидорж багшаасаа 1971 онд яруу найрагч Д.Банзрагчтай хамтран хийсэн “Отгонтэнгэр” дууг нь авч дууллаа.

-“Дорнын намуун Отгонтэнгэр” цомогт олон дуу орсон уу?

-Гавьяат жүжигчин С.Батсүхийн хөгжим, төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудоржийн шүлэг “Дорнын намуухан Отгонтэнгэр” дуугаар нэрлэсэн цомог л доо. Саяхан гавьяат болсон Намсрайн Лутбаярын шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн ая “Бадар хундага”, төрийн шагналт ардын жүжигчин Л.Мөрдоржийн ая, Д.Доржсүрэнгийн шүлэг “Отгонтэнгэр”, Бавуу бид хоёрын “Андиа гэгээн”, Д.Бэхбатын ая, Л.Гаваасүрэнгийн шүлэг “Отгонтэнгэр ууландаа би хайртай”, төрийн соёрхолт Б.Шарав, Ц.Бавуудорж “Наробанчэн гэгээн”, Ш.Өлзийбаяр, Ч.Алтантүлхүүр хоёрын “Мөнх тэнгэрийн уул”, хөгжмийн зохиолч Д.Сүхбаатар, Ц.Бавуудорж хоёрын “Ялгуусан хутагтын уул” гээд нэлээд дуу энэ цомогт минь орсон доо. “Отгонтэнгэр ууландаа би хайртай” дуу гэхэд өчнөөн олон жилийн өмнө зохиогдсон дуу шүү дээ.

“Гурван хангайд дуурсах аялгуу

Гунан бугын урамдах дуутай

Орчлонд мэндэлсэн миний өлгий

Отгонтэнгэр ууландаа би хайртай” гэсэн сайхан үгтэй дуу байдаг даа.

-Тоглолтоо хэзээ хийх гэж байна даа?

-Тав дахь бие даасан тоглолтоо дөрөвдүгээр сарын 20-ны 19 цагт “Ulaanbaa­tar palace”-ын концертын их танхимд үзэгчдэдээ толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Намсрайн Сувд: Ээж намайг физикч, математикч болгох гээд багшаар хүртэл ятгуулж байсан

Монгол Улсын төрийн соёрхолт, ардын жүжигчин, Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч Намсрайн Сувдтай хөөрөлдлөө.


-Багш нарынхаа талаар яриач, та?

-Миний багш нар дандаа ирээдүйгээ харсан гайхамшигтай ухаантнууд байж. Миний багш Борис Андреевич Бабачкин гэдэг хүүхэн бол “Малый театр”-ын найруулагч, кино жүжигчин, кино найруулдаг, театрт тоглодог авьяасын талст болсон аварга хүн шүү дээ. Олон жил өөрийнхөө ар талыг бэлдсэн. Одоо “Малый театр”-т багшийн шавь Носик гэж мундаг жүжигчин ажиллаж байна. Оюун гуай гэхэд өөрийнхөө шавь нарыг ингэж бас бэлдсэн дээ. Өөрийн мэдлэг чадвараа шавь нартаа шавхаж үлдээсэн. “Инжгүй хүүхэн”-д гэхэд намайг театрт ороогүй байхад тоглуулсан. Өөрөө тэр жүжгийн найруулагч биш мөртлөө л орж ирээд “Ингэж тогло” гэж зүгшрүүлж байлаа. Дараа театртаа 1981 оноос уран сайхны удирдагчаар ажиллахад “Хийх ёстой, чадах ёстой” гэж урмын ташуур өгч, ажлын талбар руу чирч оруулсан. Драмын театрыг Оюун багш олон жил нуруун дээрээ авч явсан хүн шүү дээ. Манай ахмадууд болох Лоовой гуай, орлогч дарга Алтангэрэл нарын хүмүүс намайг чихнээс хонх уяж, хамраас дөрлөж ажилд сургасан. Манай үеийнхэн бүгд л энэ гайхамшигтай ахмадуудаас суралцсан.

-Та театртаа уран сайхны удирдагчаар орсноор залуучууддаа ямар нөмөр нөөлөг болов?

-Манай театрын ой 1981 онд болсон юм. Ю.Цэдэнбал даргатай биечилж уулзан “Уран бүтээлчдэдээ байр олгуулъя, ЗХУ-д хүүхдүүд сургая, ахмадууддаа гавьяа шагнал олгоё” гэсэн санал тавьсан юм. 1983 онд ГИТС-д хүүхдүүд сургахаар явуулсан.

-Тэр явсан уран бүтээлчид хэн хэн байна?

-Гавьяат жүжигчин Жаргалсайхан, Урнаа хоёр байна. Энхтайван байна, Энхсайхан гэдэг хүү байна. Монгол Улсын консерваторид багшилж байгаа Сүхээ гэж доктор бий. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Батсүхийн Болормаа явж байлаа. Олон хүүхдүүд төгсөж ирснээс Монголын театр урлагийн түүхэнд тодорхой ажлуудыг тэд маань хийж чадсан гэж боддог. Жилд 200 гаруй хүүхэд жүжигчнээр төгсөж байна. Тэд нарт ажлын байр үнэхээр ховор, театрт маань орон тоо хомс. Тиймээс жилд 15 төгсөгч ажиллуулах зөвшөөрөл олж авсан. Тэр маань их хэрэг болж байна. Цаашид театрыг нуруун дээрээ үүрээд явах боломжтой гэж үзсэн хүүхдүүдийг жүжигчнээр авч сэлгэдэг.

-УДЭТ чинь нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй билээ?

-109 ажилтантай, дөч гаруй уран бүтээлчидтэй. Үйлдвэр анги, цэвэрлэгээ үйлчилгээний ажил, захиргаа, санхүү, оёдол, гэрэл, тайзны ажилтнууд гээд олон орон тоотой. Би нэг хэсэг Соёлын яам, СУИС-д ажиллаад энэ ажлаасаа нэг хэсэг холдсон. 2001 онд эндээ ирээд тухайн жил төгссөн хэдэн хүүхдийг жүжигчнээр ажилд авч байлаа. Төрийн соёрхолт найруулагч Наранбаатар, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг, Ганцэцэг нар минь шүү дээ. Театрт ажиллаж байсан улсыг гарахаар үзэгчид их эмзэглэдэг. Гэхдээ тэд минь өөрийн сонголтоо дагах эрхтэй. Төрийн театрт ажиллаж байхад үүрэг хариуцлага асар өндөр, хувь хүн бие даагаад уран бүтээл хийх нөхцөл бололцоо их тааруу. Нэг тайзан дээр Драмын театр, Үндэсний урлагийн их театр гэсэн хоёр байгууллага байна. Манай хоёр чинь бүтэн тавин жил ээлжлэн тоглож, үргэлж бэлтгэлтэй байдаг. Энэ тайз амьд амьтан шиг ёолдог бол ёолмоор болж байгаа шүү. Даанч хөөрхий мод, төмөр болохоор л нэг юм дуугарахгүй байх шиг байна.

-Бас ч зовлон байдаг л юм байна даа?

-Тэр байтугай төмөр нь халаад зогсдог юм шүү дээ. Тайзны маань эргүүлдэг мотор нь халаад зогсдог үе байдаг. Моторыг зогстол нь бид ажилладаг. Засвар хийх хугацаа маш бага. Зогсоогоод нэг өдөр засвар хийхэд маш их ажил хойшлогддог. Цаг нарны хувьд, цалин пүнлүүний хувьд их тааруу байдаг. Яваандаа байдал сайжрах л байх. Хүний хүсэл тэмүүлэл, эрмэлзэлд хүрч ажиллахад манай театрын бодит байдал хэцүүхэн. Тийм учраас залуус цаг хугацааг хүлээхэд хэцүү учраас өөрсдөө бие даагаад уран бүтээлээ хийхээр гарч буйд буруутгах аргагүй шүү.

-Та уран бүтээлээсээ гадна судалгаа, эрдэм шинжилгээний ажил ч багагүй хийдэг байх даа?

-Үгүй, яахав дээ хэрэгцээтэй зүйлийг хийдэг тийм цаг үед амьдарч байлаа. Кино үйлдвэрт ажиллаж байхад орос хэлнээс орчуулах ажил ч оногдоно. Аав, ээжийн буянаар бүр багаасаа орос хэл сурсан болохоор номын хэлээс арай өөр амьдрал ахуйн хэлд цагааширсан байсан. Сүүлд хүмүүст ном орчуулж өгнө. Театрт жүжгүүд орчуулсан. Оюун гуай, орчуулагч, судлаач Нацагдорж нарын даалгавраар орчуулга хийнэ. “Дэлхийн театрын түүх” гэдэг номыг гэхэд ажлын шаардлагаар л орчуулсан. СУИС-ийн судлаач Батсайхан Францад, Нямсүрэн маань Солонгост явчихсан болохоор би шавь нарт лекц унших болдог. Иймээс өөрөө монголчлохоос аргагүй болж байгаа юм. Оюутнуудын гарын авлага болохоос ном гэж томоор хэлэх аргагүй.

-Аавын тань болон таны нэр Баянхонгор аймгийн Заг болон Байдраг сумдын сургуулийн алдрын самбар дээр бичээстэй байдаг. Тэр ч байтугай Жаргалант сумын сургууль гэхэд Цэндийн Намсрайгийн нэрэмжит болсон. Таны аавын ах гэхэд Монгол Улсын Гэгээрлийн сайдаар ажиллаж байсан Цэндийн Баттөмөр гэж мундаг хүн байсан гэдэг. Та эцэг өвгийн тэр сайхан нутагтаа очиж байв уу?

-Баянхонгорынхон чинь ер нь хэнэггүй улс шүү дээ, би тэгж л ааваараа төсөөлж хардаг. Хараад байхад гүндүүгүй, хэнэггүй хүмүүс юм шиг надад санагддаг. Нэг их нутгархаад “Манай нутаг” гээд гүйгээд сүйд болоод байдаггүй улс байдаг юм шүү дээ. Заг-Байдрагийн голын алдарт Хүрэн бэлчирт л манай аавын удам угсаа аж төрж ирсэн юм шиг байгаа юм. Юм шиг юу байхав түүгээр нутаглаж байж. Аав минь далан зургаан онд үр хүүхэд биднийгээ хэргээр дагуулан явж, нутаг усаа танилцуулж байлаа. Цусан төрлийн ахан дүү цөөхөн үлдсэн л дээ. Лхагважав ах эд нар гэсэн садан төрлүүдтэйгээ танилцуулж байсан юм. Тэр үед Байдрагийн шинэ сургууль баригдаагүй байсан. Амрах завсраа бас ажлаа хийж явсан юм шиг байгаа юм.

Заг-Байдрагийн гол чинь Монголын их хуралдай хуруулж байхаар үнэхээр сайхан нутаг. Ноднин бид Жаргалантын сургуульд очсон. Бид бололцооныхоо хэрээр дэмжиж туслахыг боддог. Аавын минь зуун жилийн ой энэ жил тохиож байгаа. Аавын минь дэмжиж бариулсан, нэрэмжит сургуультай бид байнга холбоотой байж ноднин гэхэд шатрын тэмцээн явуулахад тусалж дэмжин, нэрэмжит тэнхим байгуулсан. Цаашдаа ч бид хамтарч ажиллана. Хүний төрсөн нутаг гэдэг чинь хүйгээрээ холбоотой ээжээсээ салдаггүй шиг үргэлж хүйгээрээ холбогддог юм шиг байгаа юм. Аав минь хүнтэй их нийлэмжтэй, хүнийг инээлгэж баясгадаг мөртлөө хүн болгонтой илэн далангүй задгай яриад байдаггүй хүн байлаа. Ах нь бол харин өөр хүн байсан юм шиг ярьдаг.

-Баттөмөр сайд уу?

-Бид авга ахыгаа сайн мэдэхгүй. Гучин долоон онд хамгийн анх хэлмэгдсэн 13 хүний нэг нь Баттөмөр ах. Бид ах гэж л ярьдаг. Зургийг нь мэднэ. Гэгээрлийн сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан. Манай авга эгч Ламзавын ярьснаар ааваас ялгаатай нь маш хурц хүн байж. Хэл ам нь ч, сэтгэж бодох нь ч хурц түргэн зантай байсан гэж байгаа. Хурц зан чанар нь ч хэлмэгдэлтэд нөлөөлсөн гэж эгч ярьдаг байсан. Элдэв янзын гүтгэлэг доромжлолыг хүлээн зөвшөөрдөггүй. “Лхүмбийн хэрэг” гэж зохиомол хэрэгт холбогдсон доо. Аав маань их дөлгөөн хүн шүү дээ. Манай авга Пагмадулам эгч эмчийн мэргэжилтэй, одоо ч мэнд амар байна. Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар ажиллаж байлаа. Манай удмынхан Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбартай эртнээс холбогдсон хүмүүс юм байна гэдэг нь эндээс анзаарагддаг. Аав ах, дүү долуулаа байсан юм билээ. Бидний ажаа гэж авгайлдаг том эгч нь, аав хоёр л харьцангуй урт насалсан юм байна лээ. Хэлмэгдэлтийн хар сүүдэр гэдэг үнэхээр аюултай он жилүүд байсан гэдгийг зөвхөн манай гэр бүлээр гэхэд л нэлээд олон жишээ дурдаж болно. Манай ээж гэхэд хүргэн ах Намсрай нь шоронд бас арваад жил тарчилсан байдаг.

-Цогзолмаа гуайн хүргэн ах гэсэн үг үү?

-Ээжийг маань өсгөсөн хүргэн ах нь. Манай ээж чинь бүтэн өнчин хүн шүү дээ. Төрөөд л өнчин хоцроод өргөсөн ах эгч хоёр нь хүмүүжүүлэхгүй юу. Хэлмэгдлийн хар сүүдэрт өртөөгүй айл Монголд ховорхон байдаг байх. Мартах ч ёсгүй. Гэхдээ өнгөрсөн энэ хар зүйлийг ахин дахин сөхөөд үеийн үед өс хонзон санаж явах утгагүй зүйл гэж би боддог. Баттөмөр ахыг тавин хэдэн онд цагаатгасан. Ерэн хэдэн онд хэлмэгдэгсдийн ар гэрт мөнгө энэ тэр олгоно гэж байхад “Хүүхдүүд минь ээ, цагийн юм цагаараа байдаг юм. Дахин битгий сөхөж тэр мөнгө төгрөгийг аваарай. Тэрийг авч яах юм, тэр цаг үедээ бүх юм дууссан, түүгээр нь дуусга” гэж авга эгч Ламзав маань хэлсэн байдаг. Харин ийм хэлмэгдэлт гаргахгүй байх талаас хүн бүхэн, төр засаг ч мэдэж байгаасай билээ.

-Ээж нь одоо юу хийж байна?

-Ээж гэртээ л байдаг юм. Хааяа нэг гарна. Одоо ч их өндөр насаллаа. Бидэн рүү өдөрт хэд хэд утасдаад л “Яаж байна, та нар” гэж байнга асууна.

-Таны дүү Ганхуяг дуучин, хүү Бат-Оргил чинь бас дуулна. Бүгд л урлагийн замаар явцгаалаа даа?

-Яг мэргэжлийн урлагийн сургуулиар явсан хүн гэх юм бол Ганчимэг бид хоёр л юм шүү дээ. Миний отгон дүү Энхтүвшин урлаг судлалаар мэргэшсэн. Бид гурав л урлагаар замнасан. Манай Ганхуяг бол Олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Ерээд оноос хойш дуу, хөгжим гээд явчихлаа. Уг нь Улсын төлөвлөгөөний комисст нэлээд дээгүүр алба хашиж байсан юм. Эндээсээ гараад урлагийн салбарт ажиллаад, настай ч болж байна даа, дүү маань. Өөрийнхөө сурсан эрдэм өөрт нь их хэрэг болдог юм. Монгол Улсын соёл, урлагийн тухай танилцуулга, ном хэвлүүлж, орчуулна, Монголын тухай сурталчилгааг гадаадад, гадаадын аж амьдрал соёлын тухай Монголд сурталчлахыг ямар ч үнэ төлбөргүй л хийж явдаг хүн. Өөрөө энүүндээ дуртай гэж юухэв. Хүмүүс хамгийн хэрэгцээтэй, чухал үед манай Ганхуягийг дуудаж орчуулга хийлгэдэг юм шиг байна лээ. Манай Бат-Оргил бас л хуулийн мэргэжилтэй хүн шүү дээ. Одоо хувиараа дуу дуулаад, ном бичээд л явж байна. Цаашдаа өөрийнхөө мэргэжлээр ажиллах байлгүй дээ.

Манай аав ээж хоёр бидний хэнийг ч урлагийн хүн бол гэж хэлээгүй. Би ч гэсэн хүнийг “Урлагийн хүн бол” гэж хэлдэггүй. Урлагт маш их сэтгэлтэй, маш их дуртай хүн л ажиллана уу гэхээс биш “Сайхан амьдаръя, хөрөнгө мөнгөтэй болъё” гэсэн бодол хүсэлтэй хүмүүс урлагийн ажил хийх шаардлагагүй л дээ. Дуртай, сэтгэлтэй, авьяастай, чадвартай хүн л урлагт зүтгэдэг. Намайг жүжигчин болоход ээж зөвшөөрөхгүй, физик-математикийн багш болгох гээд багшаар хүртэл ятгуулж л байсан. Жүжигчний мэргэжил бол их хэцүү мэргэжил. Дуулаач, хөгжимчин, зохиолч энэ тэр бие дааж ажилладаг. Жүжигчилсэн тоглолтод бол тухайн хүн ганцаарчилсан тоглолт хийж болдоггүй. Бүтэн байхыг, бүрэн байхыг шаарддаг урлаг.

-“Мандухай цэцэн хатан” кинонд хичнээн олон хүн пробонд орсон байдаг бол?

-Хоёр зуу, гурван зуугаад хүн орж л байна гэж байсан. Ёстой бүү мэд. Намайг бол анхнаасаа Шихэр хатанд тоглоно оо гээд туршилт хийгээд баталчихсан л байсан. Жигжид найруулагч сүүлд дуудахаар нь очтол тав зургаан хүн байсан. Өө, их гоё хүүхнүүд, цэргийн хүүхнүүд ч байсан. Багш ч хүн байлаа. Бие хаа, нүүр царай гээд хэнийг нь ч Мандухайд тоглуулсан гологдохооргүй сайхан бүсгүйчүүд байлаа. Ур чадвар, жүжиглэх мэргэжлийн хувьд жаахан тиймхэн байсан байх. Батлагдсанаас хойш бүтэн жил бэлтгэл хийсэн дээ.