Categories
мэдээ цаг-үе

ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Р.Чинзориг: Манай радио Өмнөд Монголыг харах нэгэн толь болж байна

Өмнөд Монголын Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Равдангийн Чинзоригтой уулзаж хөөрөлдлөө.


-Сайхан хаваржаад байна уу. Та бүхэн манай улсад ямар ажлаар ирээд байна?

-Мэнд сайхан хаваржиж байна. Монгол Улсын “Шинэ долгион FM 107.5” радиогийн хорин жилийн ойд манай “Талын дуу хоолой” радиогийн төлөөлөл баяр хүргэхээр хүрэлцэн ирлээ. Манай хоёр байгууллага хамтарч ажиллаад олон жилийн нүүр үзлээ.

-Өмнө нь Монгол Улсад ирж байв уу?

-Би 2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл, утга зохиолын ангийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж Хөх хотын Улсын багшийн их сургуулийн гуравдугаар ангийн оюутан байхдаа хүрэлцэн ирж суралцаж байсан. Тэр чинь одоо арван жилийн өмнө юм байна шүү. Багш нартай одоо ч харилцаа холбоотой байдаг. Тэр үед надад Батзаяа, доктор Одмандах, урлаг судлалын ухааны доктор, профессор Хөвсгөл нараараа эрдэм номын цагаан буян хүртэж байсандаа баяртай байна даа. Түүнээс хойш албан ажлаар Улаанбаатарт олон удаа ирсэн дээ.

-Та энгэртээ Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, цогт эх оронч Очирбатын Дашбалбарын дүр бүхий тэмдэг зүүсэн тань содон харагдаж байна шүү?

-Би Монголынхоо яруу найрагчдаас Ренчиний Чойном гуай, Очирбатын Дашбалбар нарыг их шүтэн биширдэг. Эд бол монгол түмнээс төрөн авьяас билгээрээ цолгорсон агуу найрагчид. Бас Монголын уянгын их хүүрнэлч, ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн зохиолуудыг газар тавилгүй уншдаг даа.

-Хөндлөн монгол үсгээрээ унших уу?

-Босоо монгол бичгээрээ ч, кириллээр ч уншдаг. Дашбалбар гуайн сүүлд гарсан цэнхэр номоос бусдыг бүгдийг нь худалдан авч номын сангаа баяжуулсан. Та харин надад багшийнхаа номоос олж өгвөл их баярлана шүү. Би Монгол Улсад дараа нэг тааваар ирж түүхэн дурсгалт газруудаар аялмаар санагддаг. Өмнө нь яахав, Чингис хааны ташуур олсон гэдэг домогтой Цонжин болдог руу л нэг очсон доо.

Талын дуу хоолой гэж ямар үйл ажиллагаа явуулдаг радио билээ?

-Өмнөд Монголын радио, телевиз хорооны “Талын дуу хоолой” радио нь БНХАУ-ын радио телевизийн удирдах газрын зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд Өмнөд Монголоос Монгол Улсын сонсогчдод зориулсан, нэг ёсны гадаад нэвтрүүлэг юм. Манай радио 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлэн агаарын долгионоор нэвтрүүлгээ цацсан түүхтэй.

-Нэг хэсэг Өмнөд Монгол хүний яриаг сонсохоор бараг ойлгогддоггүй байсан сан. Одоо та нар биднээс ялгаагүй цэвэр халх аялгаар нэвтрүүлгээ цацах болсон байна лээ. Яаж ингэж амархан дасан зохицож чадаж байна?

-Тийм ээ. Манай “Талын дуу хоолой” радио Монголынхоо сонсогчдод улс орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын сонин сайхныг халх аялгуугаар хүргэж байгаа. Үүнд үнэндээ нууцсаад байх юм байхгүй л дээ. “Талын дуу хоолой” радио Монголын Үндэсний радиотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол Улсын алдартай сэтгүүлчдийг урилгаар ажиллуулж байна. Та бүхэн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууны шүлгээрээ алдаршсан нэрт сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр гуайг сайн танина. Энэ мундаг хүн гэхэд манайд мэргэжилтнээр ажиллаж байгаад бид баяртай байдаг. Мөн Монголын радиогийн сэтгүүлч А.Уранчимэгийг сайн таних байх. Эдгээр мундаг сэтгүүлчдээсээ бид асар их зүйлийг сурч байдаг. Одоо бидэнтэй гэхэд БНХАУ-ын кино орчуулгын халх монгол хэлний нэгдсэн төвийн захирал Уул хамт ирсэн. Мөн Өмнөд Монголын Радио, телевизийн Монгол радиогийн захирал Элбэрэлт гуай бас ирсэн шүү.

-Та бүхэн агаарын долгионоор монгол хэлээр ямар нэвтрүүлгүүд өргөн барьж байна?

-Бид монгол сонсогчдодоо цаг үеийн мэдээ мэдээллээс гадна “Солонго”, “Тэнгэрлиг эгшиг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, “Эрүүл бие саруул ухаан”, “Энх мэндийн хөөрөг” зэрэг нийгмийн аж амьдралын бүхий л салбарыг хамарсан найман тусгай хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байна. Одоогийн байдлаар манай радио өдөрт 18 цаг 15 минутын нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байгаа.

-Улаанбаатарынхан танай радиог сонсох уу?

-Нийтлэл нэвтрүүлгээ Улаанбаатар хотод өдөр бүр найман цагийн турш “Шинэ долгион FM 107.5” радиогоор дамжуулахын зэрэгцээ Өмнөд Монголын радио телевиз хорооны “Мөнх тэнгэр” интернэтээр бүх сонсогчдодоо давхар хүргэж байна. Манай нэвтрүүлэг Монгол Улсад цацагдахад “Билэгсанаа” компанийн захирал Л.Баттулга ах, “Шинэ долгион”-ы захирал Ц.Ариунаа эгч нарын хүчин чармайлт их тус нэмэр болж байгаад бид баяртай байдаг даа.

-Өөр ямар нэвтрүүлгүүд бэлтгэж цацдаг бол?

-Өө, олон нэвтрүүлгүүд бий. “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Таны сэтгэл дэх Өмнөд Монгол”, “Удмын алтан хэлхээ-үүх түүх, өв соёл”, “Ардын дууны аян замын сурвалжлага” зэрэг томоохон хэмжээний цуврал хөтөлбөрөөр Монгол Улс, үндэстэн ястныхаа түүх соёл, ард олны зан заншлаас танилцуулж ирлээ.

-Монгол ахан дүүстэйгээ ямархан харилцаа холбоотой ажиллаж байна?

-“Талын дуу хоолой”-нхон бид 2014 онд Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран “Хятад, Монгол хоёр улсын дуулаачдын уралдаан”-ыг Хөх хот болон Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгуулсан нь дууны эгшгээр хоёр орны ард түмний найрамдалт харилцааг ойртуулан дотносуулах үйлсэд хувь нэмрээ оруулсан үйл явдал болсон. Мөн 2015 оноос эхлэн “Энх мэндийн хөөрөг” хэмээх хоёр цагийн хөтөлбөрийг Улаанбаатар хотоос бэлтгэн сонсогчдодоо хүргэж эхэлсний зэрэгцээ “Талын дуу хоолой” we chat нээж өдөр бүр олон сонирхолтой зураг дүрс, дуу бичлэг цацаж байгаа нь дотоод гадаадын сонсогчдын таашаалд ихэд нийцэж байгаа.

-Өнгөрөгч онд танай радиогийн урилгаар Монголын сэтгүүлчид Өмнөд Монголоороо аялсан байх аа?

-Манай радиогийн захирал Баясгалангийн санаачилгаар “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн аяллыг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. МҮОНРТ-ийн захирал асан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Цагааны Оюундарь тэргүүтэй Монгол Улсын 12 сэтгүүлч Өмнөд Монголын арван сэтгүүлчийн хамт Эрээн хотын хилийн худалдааны төв, Цахар баруун гарын хойд хошууны төмсний үйлдвэр, “Асар аялгуу”, Шулуун хөх хошуун дахь Юань улсын дээд нийслэл Шандугийн туурьтай танилцан, цахар монгол хэлний баримжаа аялгууг сонордон, Хишигтэн хошуу, Баруун үзэмчин хошуунд Дундад улсын хамгийн их үржил шимтэй ногооны аж ахуйг сонирхон, Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд зочилж, махны үйлдвэрт очин, Өмнөд Монголын хамгийн алдартай хүмүүс болох алдарт морин хуурч Чибулаг гуай болон Бүх улсын хэмжээнд 16 удаа түрүүлсэн том Цагаанзаан аваргатай нүүр учран аялсныг Монгол Улсын сэтгүүлчид олон сайхан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэснийг Монголын ард түмэн мэдэж байгаа байх аа. Тэр багт Монголын радиогийн сэтгүүлч, МЗЭ-ийн зохиолч, хэлбичгийн доктор Галсангийн Болормаа гуай болон МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Доржханд, “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албаны дарга Цолмон нарын мэргэжилдээ эзэн болсон мундаг сурвалжлагчид явсан шүү.

Шинэ долгион FM 107.5 радиогийн болон Талын дуу хоолой радиогийн баярт ямар зочид уригдан оролцож байна?

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хүрэлцэн ирж сайхан үг хэллээ. Өмнөд Монголын Радио телевизийн ерөнхий инженер Дү Жүн, МҮОНР-гийн дэд захирал Гэрэлээ нар чин сэтгэлийн мэндчилгээ уламжилсан. “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгүүд Монголын сонсогчдод Өмнөд Монголыг таньж мэдэх нэгэн цонх болж буйд баяртай байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ хатагтай бас хүрэлцэн ирсэн байв уу?

-Гайхамшигтай авьяаслаг ятгачин Мөнх-Эрдэнэ эгч ирсээн. Хүнд өвчний дарангуйллаас аж төрлийн алтан аяганаа ус уух хувь олгосон түмэн олон, тэр дундаа чин сэтгэлээр хандсан “Талын дуу хоолой” радиогийн хамт олон болон сэтгэлийн их хандиваа харамгүй хайрласан манай Өмнөд монголчууддаа баярласнаа илэрхийлэхдээ үг хэлж эс чадан баярын сувдан нулимсаа унагаж байсан шүү. Үнэхээр хүмүүн гэгч гагцхүү эрүүл л байвал бурхны авралаар буман сайхан, түмэн жаргалын үүд нээгдэх болохоор арга ч үгүй байх л даа.


Categories
мэдээ цаг-үе

Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй гэж анд минь чи яах гэж хэлээ юм бол доо?

Чамайг “хайрт ах минь, гэрэлт анд минь, гэгээн дүү минь…” гэх уярал хайллын үгс цахимаар дүүрэн байна. Үнэн л дээ. Чи тэнгэрт дэвшихээсээ ч өмнө тийм л хүндлэлийн сэнтийд заларсан хүн. Чи аж төрлийн биш юм аа гэхэд авьяас билгийн жинхэнэ хаан байсан шүү дээ. Энэ хорвоод ирсэн хүн бүхэн ийм өв тэгш үнэн сэтгэлийн үгэн өлгийд хөлбөрч буцдаггүй юм. Чи

“Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй” гэж тэртээ ерээд онд бичиж байсан. Эрт орой хэзээ ч ийм нэг яаруухан унаа ирнэ гэдгийг яруу найрагчийнхаа зөн билгээр мэдэрч л байж. Амьдрал гэдэг галт тэрэг Сайншандын чинь галт тэрэгнээс ч хурдан нүдний өмнүүр жирэлзэн өнгөрч байна шүү. Чамтай ерэн долоон оны таван сард “Ромео, Жульетта” жүжгийг үзсэний дараа Баянбүрдийн автобусны буудал хүртэл хамт алхахдаа ямар гэгээхэн сэтгэлээр жигүүрлэж, аж төрлийн тухай, авьяас билэгтний тухай, ер ертөнцийн сайхан хүүхнүүдийн тухай, шүлэг найргаа уншин алхаж явсан минь санаанд тодхон байна. Урьд нь чамайг таньдаггүй байсан юм биш, харин ч “Санаанаас ердөө гардаггүй

Сайхан хар нүд гэж байх юм

Цэцгэн дээр суусан эрвээхэй шиг түүнийг

Цээжин дотроо би үнсэж л явах юм

Зүүд хүртэл сэрвэгнүүлсэн

Зүггүй дэрэвгэрхэн сормуус гэж байх юм

Зүүдэлж дандаа жаргая гэтэл

Зүрхэн дээр гэргийн гар байх юм…” гэх зэрэг хайрын шүлгүүдээр чинь ерээд оны эхнээс л таних болсон байсан. О.Дашбалбар багшийн “ГУНУ” (“Гол ус намуухан урсана”) урсгалын дугуйлан дээр ч таарч л байсан. Харин цаанаасаа нэг дотносон танилцсан нь тэр хаврын үдэш юм. Танайх тэгэхэд Дэнжийн мянгад байсан. Ийм л нэгэн учралаар бид анд нөхөд болцгоосон. Хожим 2008 онд “Уран бүтээлчид торгон хилээр” аялалд Д.Урианхай, М.Билэгсайхан, Н.Гантулга, Ш.Батжаргал, Ш.Анхтуяа нарын найрагчдын хамт явахад чи тэргүүлж явсан. Бид Ээж хайрхан, Байтаг Богд, Аж Богд, Эдрэнгийн нуруу, Уушгийн застав, Гурван хүүхэд уул, Шаргын говь, Хонин усны говь, Цэнхэр номингийн говь гээд ямар сайхан нутаг орноор аяны дөрөө харшууллаа даа. Ирэхдээ, Заг-Байдрагийн голд маань шумбацгааж, аймгийн төвд хүргэний маань хашаанд шөнө дүл хүртэл сууцгаасан сан. Өдөр нь халсан элсэн дээр завилан Ли Бай, Ду Фу-г ярилцан суутал гэнэт адуу янцгаахад ихэд бэлгэшээж “Аймгийн төвд адуу унгалдана гэдэг аргагүй л Монголын хөдөөгийн хот шүү” гэсэн чинь сэтгэлд тод байна. Тэр орой аймгийн эмнэлэгт дүүгийн маань бие тааруу хүүг эргэн очиход чи л дэргэд нулимс мэлтгэнүүлж зогссон. Чамайг би “морин мэлмийт” гэж нэрлэх дуртай сан. Гэвч, миний энэ үг хол яваагүй ээ. Харин чи бол “явуулах”-ын жинхэнэ мастер байсан. Бид магадгүй, чиний гайхамшигт монгол найргаас гадна халуун дулаан сэтгэлд чинь татагддаг байсан. Шөнө дунд ч юмуу, хар өглөөгүүр залгаад “Өвгөөн, манайхан “Гарьд магнай”-д тоглосныг дуулав уу хө” гэнэ. За мань хашир ч нэг юм сэдэж дээ гэхэд л “Манай Цэнд-Аюуш Далайцэрэнд тоглоод…” гээд хөврүүлж өгнө. Хундаганы ард үнэндээ чамтай суух шиг жаргал байгаагүй. Бавуугийн Лхагвасүрэн гуайн дууг дууриаж байгаад л “Хуримын зар” шүлгийг нь элэглэж өгнө дөө. “Эмээлийн найман ганзагыг ямаа зажилж…” гээд л уншихад сонсож суусан бүхний элэг шууд л газарт унана. Дөрвөн хүүдээ, элэг зүрхний хайрт охин Эрдэнэханддаа ямархан их хайртай байсныг чинь анд нөхөд чинь сайн мэднэ. Чи сайн аав байсаан. Төрсөн нутаг Улаанбадрахдаа номын жин тээж очно гэж их мөрөөднө. Мөрөөдөхөөр барах уу, мань мэтээс ном цуглуулж жингийн авдар урлуулсныг чинь ч санаж байна. Дуу зохиодог атлаа дуулахыг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлнэ. Долгорын Ням ахын

“Хойтон хавар ирнэ гээд

Хонин дунд минь буугаарай

Аясын салхинд намирсан

Алчуур дээр минь суугаарай” гэсэн “Цэцэгт цэнхэр алчуур” дууг үнэн эвлэг дуулахад нулимс нь цийлэгнэдэггүй хүн байгаагүй юм даа. Чиний олон сайхан шүлэг найраг монгол түмний сэтгэлд үлдэж байна.

“Цэх зогсоод буудуулавч дайсны сум онохгүй

Цээжний гүнд эх орон минь бий” гэсэн үг чинь л гэхэд эх орны хилийн харуулын байрны өмнө бичээтэй бий. Арван жилийн ангийнхаа Гомпилдоогийн Мөнхцэцэг, Шатрын Энхбаяр хоёртой хамтран “Бэхэн цэнхэр өдрүүд” түүврээ сурагч ахуйдаа гаргаж байсан анд минь “Ийм нэгэн амьдрал”-ыг “Эрх сэтгэл”-ээр аргадаж, “Тунгалаг гунигийн улирал”-д “Гэнэн шувууд”-аа нисгэснийг бодоход сэтгэл нэг л гэрэлтэй. “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Зам” ард түмэнд танигдсан алдартай шүлгүүдээр чинь нэрлэгдсэн номууд. Чи хүнд номоо, сэтгэлээ, итгэлээ, хайраа, авьяасаа харамгүй өгдөг хүн байсан. Чиний надад бэлэглэсэн Эзэн Богдын “Алд бие минь алжааваас алжаатугай. Аху төр минь бүү алдартугай” гэсэн үгтэй шилэн цом өнөө ч миний номын сангийн дээд шүүгээнээ өрөөтэй бий.

Номоо өгөхдөө ч учиртай л үг бичдэг байж. “Чи бидэн харгуйн бараа харж өссөн. Замын холыг бодож явъя” 2014.10.13. Гарын үсэг. “Үл анзаарагдамгүй, санаандгүйд би дуртай”, “Эрхэм анддаа, сэтгэлийн минь улирал солигдохгүйг чи мэдсэн үү…” Анд чиний номдоо бичиж өгсөн үгс өмнө минь дурайж байна. Чи олон хүнд сэтгэлийн ариун нандин ертөнцийг бүтээж бэлэглэсэн. Гайхамшиг шүү. Чам шиг сайхан хүнтэй нэгэн цаг үед халуун дотно андалж явсандаа хорвоод бид талархана. Найргийн олон ч наадамд онгод хийморьтой оролцож “Алтан бийр” наадамд дөрвөнтөө, хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд хоёронтаа, “Аморе” наадамд 2004 онд, “Болор цом” наадамд тус тус магнайлж байсан. МЗЭ-ийн шагналыг чи ерээд оны мөнгөн үеийнхнээсээ хамгийн түрүүнд авч, Ноён хутагт Д.Данзанравжаа, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн нэрэмжит шагналын эзнээр тодорсон. Бүтээлүүд чинь “Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын мөнгөн үеийн яруу найраг”, “Монголын уран зохиолын дээжис 108 боть” ном, тэрчлэн орос, хятад, энэтхэг, франц, македони, англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн сэн. Анд минь төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлч, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын дарга, “Утга зохиол, урлаг” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн эрхлэгч, Монголын радиогийн хөгжмийн нэвтрүүлгийн албаны сэтгүүлч редактор, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж, их утга зохиол, утга соёлын амьдралын төлөө ухаант амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл зүтгэж явсан сан. Чамайг дотнын чинь нэгэн эрхэм Дорнын номхон хутагт хэмээсэн байна лээ. Бодвол Догшин ноён хутагтаас ялгамжлан ийн өгүүлээ биз ээ. “Тун хүнд үедээ Ноён хутагтыг хоёр ч удаа харсан” гэж чи Мэнд-Ооёо найрагчид ярьсан байна лээ. Догшин ноён хутагтад номхон гэгээн хутагт үгүйлэгдсэн юм бол уу даа. Хамгийн сүүлд, Завхан явахынхаа урд өдөр уулзахдаа “Биеэ бодоорой, өвгөөн” гэсэн тэр л дотно намуун дуу чинь өнөө ч чихнээ сонсогдоно. Чи хэдийгээр дэндүү үнэнч, чин сэтгэлийн хүмүүн байсан ч хүний хорвоог шүлгээрээ хуурсныг чинь нэг л өршөөж чадамгүй нь. “Ижийгээ амьдад үхэж болохгүй”. Ингэж чи минь хэлээгүй гэж үү. Тийм дээ, тэнгэрлиг анд минь худлаа ер хэлсэнгүй. Чи ижийгээ амьдад энэ хорвоогоос буцалгүй даяар Монголынхоо сэтгэл зүрхэнд далай найргаараа мөнхөрч үлдсэн болохоор тэр үг чинь үнэндээ хүний хорвоогийн пропуска (нэвтрэх үнэмлэх) биш юм байна. Эр хонгор сэтгэлтэй эрхэм дээд нөхөр чи минь монгол түмнийхээ оюун сэтгэлд мөнхөд оршиж, яруу уянгын увдисаараа ямагт биднийг ивээж байх болтугай!

АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ

Ханилсан нөхрөө би

Халтирахад нь түлхэж явсангүй

Амьтны урдуур орж

Алдрын хаалгаар чихэлдэж байсангүй

Аяа, миний аялагхан залуу нас минь

Жаргах цагтаа наргиж, зовох цагтаа гуньж явнаа

Жамт хорвоогоос харин нуугдах газар эрж байсангүй

Жавар салхинаас бусдыг нөмөрлөх сэтгэлтэй явж

Жаахан чамайгаа уйлахад нулимсыг чинь арчиж байснаас, амталж явсангүй

Дарсны хатууд халамцаж, хүүхний сайханд дурлаж байснаас

Дайсан нөхрөө ялгах гэж сэтгэлээ эвдэж явсангүй

Давааны өндрийг мартаж, хүлэг морио гуядаж

Даамай алсын замдаа бусдын унаанд дайгдсангүй

Аар саархан зовлон зүрх тархийг идэж

Алдар хүндийн золионд бусдын үхэхийг үзэж

Амьтны үрийг өрөвдөж өр цээжээ барсаар

Амьд явахад шаналан шиг хүнд ачаа үзсэнгүй ээ.

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад

Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно

Талын хялгана сэргэж, зун болохоо больж үзэгдэнэ

Тавилангийн цэцэг шивээлэн, орчлон гандаж санагдана

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг

Үр нь амьд байхад эх хүн жаргадаг

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болноо.

* * *

Амьдрал гэдэг богинохон, яарах хэрэгтэй

Амжиж би сайн сайхныг дуулах хэрэгтэй

Ачлал энэрэл, амраг хайр, алс ирээдүй

Ариун гэгээн бүхнийг дуулан үлдээх учиртай

Сарны гэрэл хэрхэн тусч янаг хоёр ичингүйрэн жаргах тухай

Сайхан чамайгаа яагаад минийх болоогүй, гэхдээ мартаагүй тухай

Салхинд ганхах өвс ногоо намрын уйтгарыг биесдээ шивнэлдэх тухай

Санаашран сууж бичээд би яруусан цэлмэгтэх учиртай

Агт морь нутгаа тэмцэж ижилдээ ирээд үүрсэхийг

Ангир галуу ганганан гунганаад хоргодож буцахыг

Аавын минь унаж явсан морины толгой овоон дээр цайрахыг

Амьдрал мөнхийн биш гэдгийг ч учирлан дуулах ёстой

Амьдрал гэдэг богинохоон, би яарах хэрэгтэй

Амжиж бүхнийг хайрлаад, тэр хайр надад түшиг болох учиртай

Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж мэддэггүй

Түрүүч нь №094(5937) дугаарт

Гэр бүлийн хамт

Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Дамбын Төрбатын туурвисан “Могойн чуулган” роман ерээд онд шуугиан тарьж, роман бичлэгт шинэчлэл авчирч байсан бол “Ирж яваа цаг” кино нь үзэгч олны хайртай бүтээл болж дэлгэцийг эзэгнэн гэрэлтэж, түүний “Гүн гэрийн гүнж” дуурь орчин үеийн сонгодог бүтээлийн нэгэнд тооцогдож “Болор цом” наадамд айрагдаж, түрүүлж байсан “Ижий шүлэг”, “Халаасны өрөө”, “Үхлийн магтаал” шүлгүүд нь өнөө ч яруу найраг сонирхогч хийгээд судлаач эрдэмтдийн анхаарлыг татаж байдаг юм. “Хулганын зиндаа”, “Үхэр унасан бурхад”, “Туулай туульс”, “Морин зэрэглээ” зэрэг арван хоёр жилээр нэрлэсэн романуудыг нь ард түмэн мэднэ. Ид хийж бүтээх насандаа яваа эрхэм зохиолч тэрээр “Маршалын нууц товчоо” найман дэвтэр романаа уншигч олноо хүргэж талархлыг олсон бөгөөд “Сүүтэй сахиус” цуврал туурвин “Дондогдулам”, “Пагмадулам”, “Гэнэнпил” намтар роман нь уншигчдын гарт очоод байгаа билээ. Түүний ярилцлагын үргэлжлэлийг хүргэе.


-Таныг наяад оны уран бүтээлчдээс хамгийн түрүүнд номоо хэвлүүлсэн яруу найрагч гэдэг байх аа?

-Мянга есөн зуун наяад он гэдэг Монголын яруу найргийн их оргилуун үе байсан. Бид социализмыг бүтээчихсэн ч юм шиг санадаг, бараг маргааш коммунизмд орчих юм шиг өөдрөг үе л дээ. Энэ оргилуун үед анхны шүлгүүдээ бичиж байсандаа би их баярладаг. Тэр үед Монголын зохиолчдын эвлэл том байгууллага байсан. Энэ байгууллагын ивээл дор “Улаан жигүүр” анхны ном маань гарсан. Редактор нь ардын уран зохиолч Пунцагийн Бадарч багш минь байлаа. Анхны номын баярын дуудлагыг дуулгасан хүн маань Залуу зохиолчдын зөвлөлийн эрхлэгч, их зохиолч Сэнгийн Эрдэнэ. “Шар Мягмарсүрэнгийн “Урины шувуу”, та хоёрын номоор анхны номын баярыг хийнэ” гэсэн. Энэ бол том баяр байсан. Сэнгийн Эрдэнэ хөтлөөд, Далхаагийн Норовын дэргэд суугаад, Доржийн Гармаа өөдөөс харж суусан гэхээр дэндүү сайхан сэтгэгдэл үлдсэн дээ. Миний амьдралын хамгийн баярт явдал мөн шүү. Тэгэхэд би МУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан байлаа. Яруу найраг маань надад олдсон дэндүү их хувь. Дэндэвийн Пүрэвдорж багштаны хэлсэн “Ном бүтээх бол Дамбын Төрбатын хувь юм” гэдэг үгийн эхлэл эндээс эхтэй.

-Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж багшийн тань 85-ны ой энэ онд тохиож байна. Та багштайгаа анх яаж уулзаж учрав?

-Аугаа их Пүрэвдоржийн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” шүлгүүдийг би цээжээр мэддэг байлаа. Зурагтад манай цагдаагийн манааны шовгорт цугладаг байсан улсын ихэнх нь багшийг их ярина. Монголын зурагт, радиогийн утга зохиолын нарийн бичгийн дарга нь яруу найрагч Тоомойн Очирхүү гуай байв. Пү-до багшийн шавь л даа. Шаравын Сүрэнжав хааяа архи ууж, хааяа эрүүл ирдэг дэн дунтай үед Монголын телевизийн үүдэнд суудаг харуулын цагдаа байлаа. Энэ үед утга зохиолд чиглүүлж өгсөн хүн бол гарцаа байхгүй Ламжавын Лувсандорж. МУИС-д Дулам багш миний ангийн багш Зулькафильд халуун чихийг минь атгуулж өгсөн. Багш минь надаас бас дүү юм шүү дээ. Ингээд намайг ангийн даргаар тавьчихгүй юу. Манай ангид төрийн шагналт зохиолч Бямбажавын Цэнддоо, бурхан болооч сэтгүүлч Бат-Эрдэнэ, МҮОНТ-ийн сэтгүүлч Эрдэнэцогт нар суралцаж байсан. МЗЭ-ийн харьяа МУИС-ийн утга зохиолын дугуйлан лхагва гариг бүрт хичээллэнэ. Энэ дугуйланг Пүрэвдорж багш хичээллүүлж “Зөөлөн дуут” Бямбажавын Энхтуяа, “Сумын заан” Чимэдравдангийн Мягмарсүрэн, Дэрэнгийн дэлт хийморь Цэндийн Чимэддорж, Барнангийн Доржпалам, Данзангийн Нямаа, Даваасүрэнгийн Чинзориг, Очирбатын Дашбалбар нарын авьяас төгөлдөр залуус ирж шүлгээ уншина.

-Үнэхээр л яруу найрагчийн хувьд сор болсон авьяастнууд цугладаг уран бүтээлийн нэгдэл байж дээ?

-Пүрэвдорж багшийн дугуйлан бол нэгэн үеийн том яруу найрагчдыг төрүүлсэн Дашзэгвийн Сэнгээгийн дугуйлангийн хоёр дахь хувилбар байсан. Сэнгээ гуайн дугуйлангаас Д.Пүрэвдорж, С.Дашдооров нарын олон агуу зохиолчид төрсөн. Багшийн дугуйлангийн эхний ээлжийнхэн гэвэл Т.Очирхүү, Бямбажавын Хүрэлбаатар, С.Оюун нарын далаад оныхон байсан юм билээ. Бид бол хоёр дахь үеийнхэн. Уран бүтээлч хүн бие биеэ мэдрэх гэдэг ямар нэгэн шахалтаар танилцах хэрэггүй зүйл байдаг. Пүрэвдорж багшийгаа анх харахад цагаан цамцны ханцуйг тохойгоо өнгөртөл шамлачихсан, баруун гартаа “ВТ” янжуурын утаа савсуулсан, цоглог цолгиун хөдөлгөөнтэй жижигхэн хөх хар хүн орж ирээд “Та нар шүлэг бичих гэж байгаа юм уу” гэж асуусан төрх нь одоо ч нүдэнд харагддаг. Наян нэгэн оны үе юм уу даа. Багш маань үүнээс хойш л бид бүхнийг хүн болгосон ачтан даа. Багшид хамгийн анх шүлэг уншсан хүн нь яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн байсан санагдах юм. Мань эр хашхираад “Болор чулуунд туссан сарны гэрэл адил үнэн болоод хуурмаг…” гээд уншсан байхгүй юу. Дараа нь бид цуваад шүлгээ уншсан. Хэн, ямар шүлэг уншсаныг би одоо мэдэхгүй. Дараа нь Явуугийн гэх хүмүүс сэмээрхэн яваад өгсөн. Пүрэвдорж багшийн сургалтын арга нь юу байсан гэхээр анхны ном бэлдэх байсан.

Д.Төрбат найрагч Д.Пүрэвдорж багштайгаа

-Бид хэдийгээр “бурхдын зодоон”-ыг шүүх эрхгүй ч асуумаар нэг зүйл байдаг. Явуухулан гуай, Д.Пүрэвдорж хоёр тийм их зөрчилтэй найрагчид байсан юм уу?

-Пүрэвдорж багш надад “Энэ бол хоёр яруу найрагчийн хоорон дахь зөрчил биш ээ. Намын үүрийн дарга, намын гишүүн хоёрын зөрчил” гэж хэлдэг байсан. “Бид хоёр чи сайн шүлэг бичдэг, би муу шүлэг бичдэг гэж маргаагүй. Явуу намын үүрийн дарга байсан. Би авгай сольсон. Би Явууд “Чи дурладаггүй юу” гэж ганцхан л юм хэлсэн. Явуу надад юм хэлээгүй” гэсэн багшийн үг Монгол Улсын Гадаад хэргийн сайд байсан Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн гуайн эмхэтгэн дээжилсэн Пүрэвдорж багшийн найман боть номд бэлээхэн бий.

-Пүрэвдорж багшийн тань талаар асуугаад байдаг нь та хоёр номын барилдлагат багш, шавиас гадна хамтарч сургууль хүртэл байгуулж байсан болохоор л уруулыг чинь угзраад буй хэрэг л дээ?

-Мань эр чинь их ухаантай хүн шүү дээ. Багш надтай хамт “Монголын нууц товчоо” сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь ажилласан. Би дэд захирал нь байлаа. Энэ арван жилд багш маань “Улаан гэрийн хоригдол”, “Бор гэрийн богд” хэмээх өөрийнхөө дурсамжийн хоёр ботийг бичсэн. Тэрэн дээр Явуутай холбоотой зүйлээ дэлгэсэн.

-За, тийм байж. Та “Монголын уран зохиолын дээжис-108” ботийг ард түмэндээ өргөн барьсан хүн дээ. Таныг ч бас нөгөө талаар зохиолчдын бүтээлийг хэвлүүлж баяжсан ч гэх хүн байж байдаг?

-Би баяжсаан баяжсан. (инээв. сур) Гэхдээ би сэтгэлээр их баяжсан. Хүний сэтгэл гэдэг агуу юм байдаг юм байна лээ. Би тэр жилүүдэд Монголын ард түмэн морь таньдаг, хүн таньдаггүй юм байна даа л гэж бодсон. Энэ бол миний үнэн үг. Монголчууд морио уралдуулж чаддаг мөртлөө хүнээ уралдуулж чаддаггүй. Хүнээ уралдуулах гэсэн ганц оролдлого нь “Болор цом” яруу найргийн наадам байсан. “Болор цом”-ыг санаачилсан Пүрэвдорж багшийн хувьд их хар хэл ам дагуулсан наадам байсан байх. Түүн лүгээ “Би Монголын ард түмэнд их гавьяа байгуулчихъя гээд 108 боть хийнэ” гэхгүй юу. Үүнийг би ч санаачилсан юм биш. Энэ санааг Долгорын Нямаа, П.Бадарч, Дэмбээгийн Мягмар, Хорлоогийн Сампилдэндэв, Д.Цэнд, Ц.Хасбаатар нарын том улс багтсан редакцийн зөвлөл цуглачихсан ганц юм задлаад сууж байхад Л.Түдэв багш ирсэн юм. Түдэв гуай С.Эрдэнэ гуайн дор суугаад “Та нар найман боть гаргана гээд байна. Энэ бол дэмий л ажил л даа” гэхэд би ч палхийгээд явчихсан. “Банкнаас зээл авч хэвлүүлэх ч баларлаа” л гэж бодсон. Тэгсэн Түдэв гуай “Монголын утга зохиол ч дор хаяхад зуун найман боть болох л доо” гэнгүүт цээжинд нар мандаад явчихсан. Тэр үед эхний найман ботийг таван мянган хувь хэвлээд дуусчихсан байсан үе. Долгорын Нямаа гуай МЗЭ-ийн дарга байсан. “Дэмий юм ярих юм” гэж байлаа. Ням гуай чинь их хашир хүн шүү дээ. Тэгээд П.Бадарч багш бид хоёр Зохиолчдын хорооны байшинг барьцаанд тавиад зүтгэсэн дээ. “Ардын банк”-ны Амарбаяр гэдэг хүн анхандаа бишүүрхээд “Зохиолчдын хөрөнгө гэж юу байна” гэсэн чинь Бадарч багш “Паз автобус байна” гэж элгийг нь авч байлаа. “Монгол банк”-ны Ерөнхийлөгч Д.Моломжамцын зөвшөөрлөөр 17 сая төгрөгт Зохиолчдын байраа дэнчин тавьж зээл аван 108 ботио хэвлүүлчихээд зуун хувь төлсөн дөө. Тийм учраас МЗЭ-ийн байрыг тавьж 108 боть хэвлүүлсэн минь гавьяа болохоос гай биш ээ.

-МЗЭ-ийн 70 жилийн ойгоор та даргаар нь ажиллаж байлаа. Одоо зохиолчдын байгууллагын маань 90 жилийн ой тохиож байна даа?

-Хорин жилийн өмнө Засгийн газрын ордонд МЗЭ-ийн 70 жилийн ойг тэмдэглэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт нар хүрэлцэн ирж баяр хүргэж үг хэлж байлаа. Тэр сайхан мөч надад мартагддаггүй. Эхний өдөр эрдэм шинжилгээний хурлаа, “Утгын чимэг” наадамтайгаа хийсэн. Хоёр дахь өдөр нь “Болор цом”-оо хийсэн. Найрагчид шүлгээ уншиж байхад би ард нь ширээгээ засаад зогсож байлаа. Тэр үед зохиолч, яруу найрагч Баяндалай гуай Засгийн газрын ордны Үйлчилгээ аж ахуйн дарга байсан нь их тус болсон. МЗЭ-ийн 90 жилийн ой энэ жил болно. Энэ ерэн жилийн найман жилд нь эл том байгууллагыг удирдаж байсандаа баяртай явдаг. МЗЭ-ийн ой болоход цаг цагийн Засгийн газар Монголын зохиолчдод гар татаж байгаагүй. Тавь, жар, далан жил дандаа л Засгийн газрын ивээл дор явж ирсэн. Ийм учраас Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх анхаарал тавьж МЗЭ-д гар татахгүй байх гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Хүрэлсүх сайд цэргийн хүн. Цэрэг, шүлэг хоёр нэг дор төрдөг гэж би боддог.

СҮҮТЭЙ САХИУС

Шүлгийг СГЗ, төрийн шагналт Д.Төрбат

Аяыг УГЗ хөгжмийн зохиолч Д.Баттөмөр

Нутгийн минь өвс намайг их санажээ

Нурман саарал үүлсийн доор уйлж санажээ

Нулимсан буурал бороон доор дуулж санажээ

Нутгийн минь өвс намайг их санажээ

Сүүтэн сүүтэн нутагтаа

Сүүтэй сахиус ижий минь

Хүү болсон намайгаа

Сүү болтлоо санажээ

Ай хөөрхий

Уулын минь чулуу намайг их санажээ

Униар дундаас өндөлзөж суугаад санажээ

Унаган багын тоглоомыг өрж суугаад санажээ

Ухаант ижийг минь аргадаж байгаад санажээ

Бүүдэн бүүдэн нутагтаа

Бүүвэй сахиус ижий минь

Цал буурал хүүгээ

Цацал болтол санажээ

Ай хөөрхий

Усны минь дусал бүхэн намайг их санажээ

Улаан элсэн доороос ундарч байгаад санажээ

Уураг шаргал цай болон буцалж байгаад санажээ

Уяхан буурал ижийг минь ундалж байгаад санажээ

Цулбуураа чирсэн морь

Цуулж хатирдаг зэрэглээнд

Цуутай домог ижий минь

Чулуу болтлоо санажээ

Ай хөөрхий.

Categories
мэдээ цаг-үе

Дамбын Төрбат: Бурхан миний хувь тавиланг ивээж харж явсан

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбаттай уулзаж хөөрөлдлөө.


-Монголын их утга зохиолд арван хоёр роман болон тайз дэлгэцийн олон арван бүтээл туурвисан тан шиг бичгийн хүн ний нуугүй хэлэхэд цөөн. Утга зохиолд анх яаж шимтэн дурлаж орж ирсэн тань уншигчдад сонихон байх бол уу?

-Би эжийгээ мээм гэдэг байлаа. Утга зохиолд хайртай, дуртай болоход мээмийн минь ярьсан үлгэрүүд, миний нагац ах Багаяагийн ярьсан домгууд надад нөлөөлсөн бол уу. Багаяа маань уул харж уулын тухай ярьдаг, мээм маань харин худаг дээр ховоо татаж байхад усны тухай хүүрнэдэг байлаа. Манайх нэг хэдэн тэмээтэй, бог мал, адуу цөөтэй, говийн айл Төгрөг хайрханы ард нутаглаж байлаа. Төгрөг хайрханаа би одоо болтол шүтэж шүншиглэж явдаг юм. Төгрөг хайрханы тухай олон шүлэг бичсэн шиг байна лээ. Роман бичиж байхад хүртэл уул минь харагдаж байдаг даа.

-А үсгийн ацаг татан ардын сургуульд орлоо гээд ярьдаг даа?

-Би жаран гурван онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын дунд сургуульд нэгдүгээр ангид орсон. Ангийн багш маань Намжилцэрэн гэж хүн байлаа. Ангийн багшийн хань бол хожим Монгол Улсын гавьяат багш болсон Чимэд гэж хүн бий. Сүүлд очиж золгоход хоёулаа амьд сэрүүн байсан. Намжилцэрэн багшийнхаа ач тусыг мартахын аргагүй. Их зөөлхөн хүн байлаа. Би өөрөө ээжтэйгээ хоёулхнаа өссөн болохоор их аймхай хүү байлаа. Хайдаг ингэ ирэхийг хүлээж, би лааны гэрэлд шөнө орой болтол суудаг байж. Одод түгтэл, мичид гудайтал сууна. Хайдаг ингэ чинь бутны цэцэг хөөгөөд явчихдаг хойно их орой ирнэ. Хайдаг ингэний чинэсэн хөх дундартал би мээмийнхээ дэргэд шөнийн тэнгэрийн од ширтэн зогсдог байлаа.

Тэрээр Дундговь аймгийн Цогтчандмань буюу одоогийн Сайхан-Овоо сумын нутаг Төгрөг гэдэг газар 1955 онд малчны гэр бүлд төрсөн. Мандалговийн 10 жилийн дунд сургууль, Улаанбаатар хотод Барилгын ТМС, МУИС-ийг дүүргэсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. Хугацаат цэргийн алба хаасан. Цагдаа, залуучуудын хэвлэлийн сурвалжлагч, утга зохиолын ажилтан, нарийн бичгийн дарга, Монголын уран зохиол” хэвлэлийн газрын захирал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашиж ирсэн. Багаасаа уран зохиол оролдож “Улаан жигүүр”, “Хүслийн тодотгол”, “Зүрхний цомнол”, “Зүрхэн тарн” яруу найргийн, “Хүн төрхийн унаган чанар”, “Сайхан төрөхийн зовлон” нийтлэлийн ном, “Могойн чуулган”, “Морин зэрэглээ”, “Хонин холбоо”, “Тэнгэрийн соёрхол” роман, “Харц хатан”, “Амьдралын улаан шугам”, “Дурлал загварын ордон”, “Ялагдаагүй ганцаардал” жүжиг, “Талын урсгал”, “Ирж яваа цаг”, “Тэнгэрийн сахил”, “Алт амилах цаг”, “Алиа салбадай”, “Бүсгүй завилгаа”, “Харанхуй засаг”, “Халаасны өрөө”, “Танихгүй сэтгэл”, “Шадар ван 1,2”, “Чин ван Хандддорж” 1,2,3, “Бурханы харьяат” кино зохиол туурвин тайз, дэлгэцээр олны хүртээл болгожээ. Мөн “Монголын уран зохиолын дээж 108 боть”-ийг эрхлэн гаргасан юм. Д.Төрбат шилдэг бүтээлээрээ 1991 онд МЗЭ-ийн, “Могойн чуулган” романаараа 1999 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэж, 1996 онд яруу найргийн “Болор цом” наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Бичиг бийрийн нэрт зүтгэлтэн тззнд 2007 онд төрийн шагнал, 2009 онд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол олгожээ.

-Та Багаяа гэдэг хүний тухай их халуунаар дурсаж “Ирж яваа цаг” кинонд хүртэл нэрээр нь мөнхөлсөн байх шүү?

-Багаяа маань маань ээжийн ах, лам байсан хүн. 1937 онд шоронд хоригдсон, Төгрөгийн хийдийн даа лам байсан юм билээ. Миний овоглодог Дамба гэж өвгөн чинь энэ шүү дээ. Багаяа минь хот их явна. Миний хүндэлж явдаг найруулагч Жамьянгийн Бунтар гуайн найруулсан “Ирж яваа цаг” кинонд Багаяагийн дүрийг гавьяат жүжигчин Лувсан гуай амилуулсан даа. Муу өвгөн буурлынхаа ачийг хариуллаа гэж баярлаж явдаг даа.

-Таны анхны шүлэг юун тухай сэдэвтэй байв?

-Анхны шүлэг гэвэл Гагарины тухай шүлэг байлаа. Тэр үед марк цуглуулдаг байсан юм. Одоогийнхоор бол хобби, тэр үеийнхээр бол хүсэл сонирхол өрнөж дээ. Жаран найман онд тавдугаар ангид байсан хэрэг. Ангийн багш маань одоогийн яруу найрагч Эрэнжидийн Хархүү. Хархүү багш маань Улсын багшийн дээд сургуулийг дөнгөж төгсчихсөн гялалзаж байсан цаг. Хүүхэд болгон маркны цомогтой. Тэр маркуудыг цуглуулж байгаад Гагарины тухай шүлэг бичмэгчээ болоо биз. Ямар шүлэг болсныг мэдэхгүй юм. Ямартаа ч ахдаа үзүүлсэн. Миний ах бол Дамбын Чойсамба гэж надаас хорь ах хүн байдаг юм. Би эжийнхээ дөчин есний жил төрсөн, ах надаас хорь, эгч надаас арван таван насаар эгч, би айлын отгон хүү. Муу эжий минь намайг их зовж төрүүлсэн шиг билээ, долоо хоног дуншиж байж төрсөн гэдэг. “Таньдаг байх юм уу, таньдаггүй нь байх юм уу, бүү мэд” гэж байгаад төрсөн юм гэсэн дээ. Ах маань тэр үед Дундговь аймгийн шүүгчээр ажиллаж байсан. Шүүгч хүн болохоор танил талтай байсан юм байлгүй, “Улаан туг” сонины сурвалжлагч бүдүүн Халтар гэдэг хүнд үзүүлэхээр явуулсан. Халтар гуайд үзүүлсэн чинь бараг бүтэн жилийн дараа дөрөвдүгээр сарын аравдаар сонины буланд хэвлэгдсэн. Энэ л миний анхны шүлэг байсан.

-Эрэнжидийн Хархүү зохиолч ч ирлэсэн тонгорог шиг галтай дөлтэй амьтан л байсан биз?

-Хүүе ээ, яриа юу байхав дээ. Багшийн дээд төгсчихсөн, жаахан мижигнүүр алхаатай, жигтэйхэн гоё залуу очсоон. Самбар дээр шууд л “Говийн өндөр” гэж бичээд л номыг нь харуулаад “С.Дашдооров гэж танай Дундговийн зохиолч шүү дээ. Та нар яагаад таньдаггүй юм. Би хотод нэг барааг нь харсан” гэж байгаа юм. Нөхөр Дооровтой уулзаж амжсангүй л дээ. (инээв. сур) Тэгээд “Говийн өндөр” романд байдаг “Өнөөдөр Дэлгэрхангай сумын уран сайханчдын концерт аймгийн Соёлын ордонд төдөн цагт болно” гэсэн зарлалыг тусад нь их гоё өрөөд хэвлэчихсэнийг үзүүлээд “Номыг ингэж их гоё хэвлэдэг байна. Та нар харав уу” гэж харуулна. Тэгээд биднийг дагуулаад Хөрхийн хадан дээр очно. Өөрөө хадан дээр гараад шүлэг уншина. Ийм л сайхан байж. Таваас зургадугаар ангиа Хархүү багштайгаа үдээд, долдугаар ангид Тунсаг багшийн удирдлагад очсон. Багш маань Өмнөговь руу шилжсэн. Хархүү багш маань намайг утга зохиолд дуртай болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хөрхийн хаданд очихдоо гурван литрийн бедон хар цай, хэдэн боорцогтой очно. Тэр цайг уугаад багш маань хадан дээр шүлэг уншина гэдэг миний хувьд ертөнцийн нэг гайхамшиг байлаа даа.

-Анхны хайрын эзэн, хайрын шүлгийн эзэн гээд ярьдаг даа?

-Би тоонд их муу. Наймдугаар ангиа төгсөхдөө ер нь ном их уншина, Гитлерийг их зурна.

-Гитлер зурдаг нь ямар учиртай юм бэ?

-Үзэл суртлын үе байсан болохоор үзэн яддаг баахан дайснаа л зурдаг байхгүй юу. Хамгийн арын ширээнд сууна. Хичээлдээ идэвх их муутай. Ингээд Барилгын нэгдүгээр ТМС-д хуваариллаа. Хулигаан ихтэй сургууль шүү дээ. Багаяаг маань Гандангийн Мэргэн гүн Гомбожав гэдэг хүн өөрөө ачааны “ГАЗ-453” маркийн машин, суудлын тэрэгтэй очин урьж авчирсан. Мээм минь нутагтаа хэдэн малтайгаа үлдлээ. Багаяа бид хоёр Дарьгангын 18 гэдэг гудамжинд халзан Дондов гэдэг айлын үүдний амбаарт төвхнөсөн. Эх нялхсын хавийн л гудам л даа. Зун цаг байсан болохоор сахиус энэ тэрээ амбаарт тавилаа. Халзан Дондов гуай их сайхан даалуу тоглодог, жаалдаг хүн байлаа. Авгай нь Юмсрайжав гээд их сайхан налайсан хүн. Тэднийх гахай, тахиатай, их баян айл. Багаяа маань хуралд явахдаа орой нь нэг хэвийн боов, бэрээсий, хайлмагтай ирнэ. Хойтон нь мээм маань ирж, хотын айл болон төвхнөж байлаа. Дөрөв таван жил ингэж аж төрж байтал, Багаяа минь далан гурван онд өөд болсон. Яг үнэнийг хэлэхэд амьдралд мээм бид хоёрыг тэжээж тэтгэдэг хүн маань байхгүй боллоо. Мээм бид хоёрт үлдсэн юм гэвэл ердөө таван янчаан л байсан. Хоёр таягт, гурван ёншгойт байв. Тэрийгээ бид Ядамсүрэн гэж хүнд зарсан.

-Хот газар ч харж хандах хүнгүй, ажил төрөлгүй байна гэдэг ч бүтэхгүй зүйл шүү?

-Хожим тэр хүн уучлал гуйж ирсэн. Багаяаг лам байхад шавь гээд сүйд болж байсан хүн бурхан болуут нүүр буруулахгүй юу. Тэгтэл ах минь ашгүй хөдөөнөөс шилжин ирж, Сүхбаатар дүүргийн шүүгч боллоо. Мээм бид хоёрын амьдрал ингэж сүйрдгийн даваан дээр гайгүй сэгхийлээ.

-Нэгдүгээр ТМС-д баахан атамануудтай гар зөрүүлж байв уу?

-Би чинь салхивч-нимгэн төмрийн ангийн сурагч. Агааржуулагч хоолойнуудыг хийнэ. Манай багш Гончигбал, мастер багш нь Тогтох гэж хүн байх. Хөвгүүд ширүүн. Гуравхан охин, хорин хэдэн хүүтэй. Аз болоход манай сургуулийн Намын үүрийн дарга нь шүлэг бичдэг “Улаан бүчний намираа” гэдэг ном гаргачихсан, зохиолч П.Рэнжин гэж хүн байлаа. Бурхан миний хувь тавиланг хараад явсан юм шиг байна лээ. Рэнжин багш байсан тулдаа зодоон цохионоос хол хөндий явсан. Түүнээс зэрлэг байсан. “Од” кино театрт кино үзэхэд хооронд гар зөрүүлэх энүүхэнд. Манай захирал Гомбыг харахаар бүгд нам. Миний чацуутнууд гэхэд охид хүүхнүүдийн ертөнцийг үзчихсэн тийм л сүрхий газар байж.

-ТМС-иа төгсчихлөө. Яаж яваад цагдаа болсон гэдэг билээ?

-Сургуулиа далан гурван онд төгсөөд 18-тайдаа цэрэгт татагдлаа. Ах минь хөөцөлдөө биз дээ, Барилгын цэргийн 58дугаар ангид хуваарилагдлаа. Гэлэгрэнцэн гэж их сайхан хошууч байлаа. Штабын мэдэлд бичээчээр хэсэг ажиллалаа. Гэлэгрэнцэн гуайг халагдсаны дараа үхэр нүдэн Дагвадорж гэж ширүүн хурандаа ирлээ. Анги маань нимгэн төмрийн цехтэй. Би энд алба хааж байхдаа Архангай зэрэг хөдөө аймгуудын трактор засварын газрын дээвэр хийсэн. Эх орныхоо дархан хил дээр Байтаг богдоос Овоон энгэрийн ус хүртэл застав отрядын байрны дээврийг хийсэн. Гөлмөн төмрийг шувуун нуруунд дэвсчихээд тэр халуун наранд шарагдаад нэг үзээрэй. Пээ, ёстой нэг үйлээ үзсэн.

-Тийм ажил ч үзсээн үзсэн. Бас л чанга шүү?

-Амьдрал ямар хэцүү юм бэ гэж хэлмээр л болж байсан. Тэгэхдээ би ч бас гайгүй. Гурван цэрэг даргалчихна. Байтагаас Овоотын отряд дээр ирэхэд бүтэн жил хагасын хугацаа өнгөрсөн байсан даа. Дагвадорж хурандааг дуудсаны дагуу гурван цэргээ Овоотод үлдээгээд бүхээгтэй машинд суугаад хот руу гарлаа. Ирээд ёслоход Дагвадорж хурандаа “Ёсолж яах гэсэн юм бэ. Эр хүн нэг ийм юм үзэх ёстой” гээд дал мөрөөр тэврэхэд л нүдний нулимс асгарч байлаа. Нөхөрлөл гэдэг тийм сайхан юм даа. Эндээс халагдахад муу ах минь “Миний дүү чинь төгссөн сургууль байхгүй, яадаг шүү юм билээ” гэснээ нэг өдөр НАХЯ-нд яваад оч гэлээ.

-Шууд ч цагдаа болчихоогүй, бас эр цэргийн алба хаачихсан эрийн хугархай байж дээ?

-“Хамгийн цаад талын хаалганд Содномрагчаагийн Бүдрагчаа гэж генерал байгаа. Очоод уулз л” гэлээ. Тэнд хоёр гурван өдөр очлоо. Намайг тоодог амьтан байдаггүй. Нэг навсайсан л амьтан байгаад байгаа. Хоёр хонолоо. Тэгсэн гуравдахь өдөр генерал дуудлаа. Миний хөлс гоожоод, алчуур байдаггүй. Генерал “Шүлэг унш” л гэж байна. Барилга явахад чинь хичнээн ч шүлэг бичсэн юм. Тэрнээсээ л уншлаа даа. “Чи авьяастай хүү байна. Манай төв штабт ажиллана аа. Зарлага цагдаа болно” гэлээ. Ингэж бичиг тараадаг ажилтай боллоо, одоогоор бол интернэт юм аа даа. (инээв. сур) Цагдаагийн газраас гарсан бүх бичгийг тараана. Энэ ажлаа гурван жил хийгээд бага даргын албатай боллоо. Төлөвлөгөөний комиссын цагдаагаар ажиллана. Энд ажиллаж байхад Дамдинсүрэнгийн Урианхай ах Думаагийн Содном даргын нарийн бичгийн дарга байлаа. Урианхай ахын өрөөнд орж шүлгээ уншина. Жагдалын Лхагва ах “Технологи мэдээлэл” сэтгүүлийн эрхлэгч байсан. Лхагва ахтай буу халдаг, өгүүллэг ярьдаг боллоо.

-Утга зохиолын их ертөнцөд ч аргагүй л ороод эхэлж дээ?

-Их утга зохиол гэдэг чинь аяндаа авах хүнээ ингэж хүлээж авдаг байхгүй юу. Энд цагдаагаар ажиллаж байгаад нэг өдөр “Сэтгэлд гал байхад зууханд гал олдоно” гэсэн алдарт найрагч Ламжавын Лувсандорж багш маань “Энд цагдаа хийж суугаад яадаг юм, ер нь чамайг сургуульд явуулна” гэлээ. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явуулах юм болж хөөцөлдлөө. Тэр жил Очирбатын Дашбалбар маань Горькийд явлаа. Бид хоёрын шүлэг “Залуучуудын үнэн” сонины майн нэгний дугаарт зурагтайгаа гарсан байсан юм. Миний таван шүлгийг С.Билэгсайхан багш “Утга зохиол” сонинд, Дэмбээгийн Мягмар багш “Цог” сэтгүүлд тавьчихсан, тухайн үедээ лухайсан яруу найрагч болчихсон гэж хөөрч яваа хүн шүү дээ. Лувсандорж багш маань “Горькийд болдоггүй юм бол Монгол Улсын их сургуульд орно оо хө” гээд ардын багш, яруу найрагч Сэндэнжавын багшид авчирч тушаасан юм. Дулам багш улбар ягаан царайтай, жигтэйхэн залуухан. Надаас хоёр дүү хүн шүү дээ. Лу багш “За, Дулам аа, чи энэ хүүхдийг сургуульд оруулахгүй бол тангараг тасрна шүү” гэж байсан юм даа. Ингэж их сургуульд элсэж соёлжихын замдаа орсон доо.

-Та чинь Шүр эхээсээ айгаад байна уу, дара эхээсээ эмээгээд байна уу, анхны хайрынхаа тухай тойрч гуядаад байна даа?

-Анхны хайр маань бүүр бага байхын л айл аймаг явсан даа. Миний олон бүтээлд Долгоо гэж бий. Тэрийг Шүрээ маань ч мэднэ. Сүүлд бид хамт очиж уулзаж ч байсан. Би бол аавгүй, нагацынхаа ивээлд ээжтэйгээ өссөн хүүхэд. Манайхтай айл аймаг явсан ажаа Цэдэнбат гэж мундаг өвгөн байлаа. Сүүлд Ерөнхий сайд Ж.Наранцацралт бид хоёр ч хамтдаа очиж золгож байсан. Тэр айлын Цогзолмаа, Долгор, Хархүү нарын хүүхдүүдээс Долгор нь надтай чацуу юм. Ажаа Цэдэнбат гуай надад их сайн. Арван найм есөн нас хүртлээ хамт явсан. Нэг очиход Эрдэнэбилэг гэсэн залуутай суусан байсан даа.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Чулуундоржийн Мөнхбаяр: Мерилин Монрод дурласан минь зохиолч хүний чинадын их хайр

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяртай уулзаж хөөрөлдлөө.


-Өнгөрөгч зууны ерээд оны уран бүтээлчдийг Монголын мөнгөн үеийн яруу найрагч, зохиолчид гэж тодорхойлдог. Сэтгэлгээний галт уулын дэлбэрэлтийн гол цөмд байсан хүний хувьд ярих зүйл ч их байгаа даа?

-Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүсээ бид сайн мэднэ. “Мөнгөн үе”-ийнхэн гэж уран бүтээлчид тэгж өөрсдийгөө нэрийдсэн юм уу, уншигчид маань тийм алдар олгосон юм уу, тэрийг би мэдэхгүй. Алтан үеийнхнээсээ давах гэж л лав тэгж нэрлээгүй ч мөнгөн үе гэдэг нэр ямар ч байсан төлөвшчихсөн юм шүү. Социализмын үед шүлгийн ганц үгийг ч өөнтөглөдөг, шүүмжилдэг сэтгэлгээний боогдмол эрин байлаа даа. Төрийн шагналт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлгийг гэхэд “Бул хар хад” гэж Бал даргыг хэлээд байна уу ч гэж байсан зовлонтой үе шүү дээ.

-Явуухулан найрагчийн хайрын шүлгийг хүртэл хөнжлийн шүлэг гэж шүүмжилж байсан гэдэг биз?

-Харин тийм зовлонтой үе байхгүй юу. Харин бидний үед оюун санааны эрх чөлөө харьцангуй нээгдчихсэн байсан. Өөрчлөн байгуулалтын үеэс оюун санааны задаргаа явагдаж эхэлсэн. Тэр үед оюун санааны задрал, их тэсрэлт хоёр л зэрэг явагдсан бол уу.

-Өөрөө хотын унаган хүүхэд. Утга зохиолын ямар бүлгэм дугуйланд хамрагдаж байв?

-Би хотод төрж, өссөн. Хүмүүс “Төрсөн нутаг хаанах вэ” гэхэд л “Октябрийн район” гэсэн айхтар орос үг хэлнэ. (инээв.сур) Төмөр замын 51 дүгээр сургуулийн сурагч байхдаа шүлэг зохиол бичиж эхэлсэн. Наймдугаар ангид байхад яруу найрагч Тоомойн Очирхүү, судлаач, шүүмжлэгч Данзанноровын Хүү гэдэг хоёр хүн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны дэргэдэх утга зохиолын дугуйланг байгуулж сургууль сургуулиас авьяастай хүүхдүүдийг авч байлаа. Энэ чинь наян гурав, дөрвөн он юм уу даа. Би ч эхэндээ их эмээлээ. Тэр үед Эвлэлд элссэн хүүхдээс “Чи хаана зогсож байна” гэхэд “Ангидаа” гэсэн чинь “Чи буруу ярьж байна. Үзэл суртлын фронтын тэргүүн эгнээнд зогсож байна гэж бодох хэрэгтэй” гэсэн тухай сонсож байсан болохоор “Яадаг билээ дээ, бурхан минь” гээд очиж байсан юм. Очих ч юу байхав уран зохиолын багш маань дагуулаад аваачихгүй юу. Очирхүү гуай дипломат маягийн, Засгийн газарт реферэнтээр ажилладаг, Хүү багш маань гэхэд Багшийн сургуулийн профессор мундаг хоёр хүн л сууж байсан. Ямар ч байсан яруу найрагч хүнээс өөр дарга хэмээх хэв шинжит дүрүүд байсан. Нэг хүү босоод “Нам засаг, найрамдал минь агуу билээ” гээд уншсан чинь Очирхүү багш “Боль, чи сонин хэвлэлээр гардаг юмыг толгой холбоод биччихсэн байна шүү дээ” гэж байсан. Бас нэг хөвүүн хайрын шүлэг хэлсэн чинь “Чи дунд сургуулийн сурагч хайр майр гэж мэдэхгүй байж худлаа юм бичээд. Та нар амьдралыг чагна, ажигла. Модны сэрчигнээн, болжморын жиргээ, салхины илбээний тухай бич. Одоо иргэний яруу найраг бичих цаг болсон” гэж байлаа. Дугуйлангийн нэрээ өгье гэхэд би “Ирээдүй” гэвэл “Ямар аймаар том юм боддог хүү вэ” гэж инээлдээд эцэст “Нахиа” дээр тогтож билээ. Очирхүү багш “Манайд чинь яруу найраг жинхэнэ утгаараа хөгжөөгүй. Зөвлөлтийн яруу найраг их унш. Евгений Евтушенко юу гэж бичиж байгааг хар” гэж байсан нь санаанд тодхон байна.

-Дунд сургуулиа төгсөөд шууд сонин хэвлэлд ажилласан гэл үү?

-МУИС-ийн сэтгүүлчийн анги ирээгүй болохоор цэргийн “Улаан-Од” сонинд ачигчаар ажилд ороод сүүлд хянагч болж дэвшсэн. Эрхлэгч нь Баярмагнай гээд монгол ёс заншлаа сайн мэддэг мундаг хүн байсан. Ачигч мөртлөө шүлгээ хэвлүүлчих санаатай. Уран бүтээлч сайхан хүмүүстэй энд танилцсан. Эндээсээ Уралын Улсын их сургуулийн сэтгүүлчийн ангид очлоо. Манай сургуульд чөлөөт суулт гэж хичээлийн хуваарьт захирагдахгүй нэг юм байлаа. Удирдлагууд санаачилсан ч багш нар үүнд нь дургүй. Шалгалтаа л амжилттай өгвөл болчихно. Свердловск тэр үед манай нийслэлээс хөгжил маш муутай. Миний амьдардаг “Чапаевын 16” гэдэг байр бол дөч тавиад оны байдалтай, жорлон нь гэхэд хоорондын панеран хаалт нь уначихсан. Эхэндээ хэнтэй ч хамаагүй зэрэгцээд суухаар ичих гэж жигтэйхэн. Олзуурхууштай нь жорлонд нь ном сонин овоолгоостой. Сүүлдээ тэндээ ном сонин уншаад ичгүүр ч арилсан. Оросын хамаг эсэргүү зохиолчдын бүтээл тэр үед хэвлэгдэн гарна. И.Бунин, Э.Лимонов, Витов, Саша Соколов нарын тэр диседент зохиолчдыг их уншиж “Уран зохиол гэдэг ийм юм байсан юм уу” гэх бодол төрж юм бичихэд хөл маань өөрөө бүжиглээд гэдэг шиг үзэг маань аяндаа бүжиглэж өгдөг байсан даа. Тэр үед бичсэн юмнуудаа одоо ч би гайхдаг. Ороолдуулж, зангируулж, зодолдуулж, дэлбэрүүлж их хачин л юмнууд бичсэн их ноорог надад бий. Эмх замбараагүй их гар бичмэлүүдээсээ цэгцлээд Мэрилин Монрогийн тухай 33 хэсгээс бүтсэн юм бичснээс дөрвийг нь гаргасан.

-Монголоос олуул байв уу?

-Намайг хоёрдугаар курст байхад яруу найрагч Рагваагийн Гэрэл ирсэн. “Тань руу нүүж явна” киноны Цэрэнгийн гэргий нөгөө сайхан жүжигчин бүсгүй шүү дээ. Надтай нэг өрөөнд Х.Сампилдэндэв шүүмжлэгчийн хүү Надмид байлаа. Бид богино хоромд өгүүллэг бичиж хүртэл хоорондоо өрсөлдөнө. Тэр үед би “Юу ч биш” гэж өгүүллэг бичсэн. Ардчилсан холбооны гадаад дэмжигч гэж явлаа тэр үедээ. Миний үеэл дүү Шараагийн Одонтөр гэж сайхан орчуулагч ардчиллын үйл явдалд эхнээс нь оролцож надад их халуун үгтэй хувьсгалч захианууд бичнэ. Би ч санаа оноогоо илгээж, гишүүнээр нь эчнээгээр элсэж байлаа. Монголд Төв хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход би “Манайх ЗХУ-аас өмнө ардчилалд хөл тавилаа. Тиймээс бид диалектик материализм, орчин цагийн орос хэл үзэхгүй” гэж сургуульдаа өргөх бичиг барилаа. Үүнээс болж декан “Төлбөрөө доллараар төлөөд торгуулийн батольонд явах уу, эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн бичигтэйгээр нутаг буцах уу” гэж хөөсөн. Ирээд Чой.Лувсанжав багшийн ятгаснаар МУИС-ийн монгол хэлний ангид орлоо. Нямаагийн Төмөрхуяг багш маань их сайхан хүлээж авсан. “Юу ч биш” өгүүллэгийг маань уншчихаад “Гайхамшигтай” гэж надад урам өгч зохиолч Готовын Нямаа ахтай уулзуулж өгсөн хүн дээ.

-Ерэн онд ямаршуухан байдалтай яваад орчихов?

-Ш.Одонтөр дүүтэйгээ “Шинэ үе” гэдэг сонин гаргалаа. “Насаагийн сүүлчийн рокн ролл” гэдэг кино зохиолыг хамтран бичиж байлаа. Тэр үед хэн ч ойлгоогүй. Бид хоёрыг “Монголын залуучууд” сонинд Сүхбаатарын Батмөнх эрхлэгч авах үед “алмас” хэмээн алдаршсан сэтгүүлч Ц.Батбаяр, Тогмидын Даваадорж, зохиолч Д.Чинзориг ах нар маань ажилласан даа. Тэр үед Залуучуудын холбооны дарга Ч.Сайханбилэг байсан. Бид өмнө нь сайхан найзууд байсан байхгүй юу.

-Ямар учиртай найзууд билээ?

-“Найрамдал” зусланд нэг өрөөнд хорин нэг хоног хамт амарч явсан хоёр. “Нахиа” дугуйлангийн хаалтын ажиллагаанд биднийг шүлэг уншихад Сайханбилэг, Зоригтбаатар хоёр “Арван жилээ үдэхүй” гэдэг дуу дуулж ард нь охид эргэлдэн бүждэг номер үзүүлж байсан юм. Тэгсэн дарга болчихоод намайг танихгүй царайлахаар би ч омог бардам хүн юм чинь мэндэлсэнгүй. Монгол хэлний ангидаа онц сурсан учраас ардын багш С.Дулам “Чамайг Энэтхэг явуулна. Чи миний гарын шавь бол” гэхэд би халуунаас нь бэрхшээгээд яваагүй юм. Тэгэхэд явсан Ширэндэв одоо “Шри Випашанагийн төв” байгуулчихаад мундаг явж байна.

-Оюутан байхдаа Мерилин Монрод дурласнаасаа хойш эхнэр авдаггүй гэсэн яриа байдаг даа. Та хоёр чинь он цагийн хувьд ч ондоо үеийн хүмүүс биз дээ?

-Ер нь би тийм юм байж болдог байх гэж боддог. Би тэр үед зохиол бүтээл бичих гэж донтох, сонсож байгаа хөгжим зэргээсээ болоод хүмүүсээс нэлээд хөндийрчихсөн байсан юм. Нийгмийг ойлгох үзэл бодлоороо ч өөр болчихсон үедээ “Зарим нь халуухан дурладаг” гэдэг киног үзээд дурлачихсан юм. Оросоор “Зөвхөн бүсгүйчүүдийн жааз” нэртэй кино л доо. Зохиолч хүн чинадын юмыг чагнадаг. Тэртээх чинадаас надтай ярилцаад, харилцаад зовлон тоочоод байгааг би сэтгэл зүрхэндээ сонссон. Тэр киног дараалан таван удаа үзээд түүнтэйгээ ярилцсан. Хожим намтар түүхийг нь уншаад над шиг хүнийг эрэлхийлж хайж байж дээ гэдгийг ойлгосон. Зохиолч болох хүсэлтэй, харааны шилтэй, туранхай тэр л залууг Мерилин Монро хайж байсан. Яг над шиг хүнийг эрэн хайсаар байгаад Артур Миллер гэдэг АНУ-ын жүжгийн томоохон зохиолчтой суусан. Түүний ганцаардал, гансрал тэр бүхнийг би мэдэрсэн. Киноны явцад сэтгэлийн харилцан ярилцаа явж байсан. Сэтгэлийн дотнын харилцаа, гүн ойлголцол үүссэн дээ. Гэхдээ энэ бол жирийн амьдралын хайр дурлал биш шүү дээ.

-Оюун санааны хайр гэж ойлгомоор юм уу. Оросын зохиолч Иван Бунины ч бас иймэрхүү хайрын түүх байдаг юм билээ?

-Чухам юу ч гэмээр юм бэ дээ. Ямар ч байсан чинадын л юм. Найз нөхөд маань харин хошин шог болгоод байдаг нь гунигтай. Харин зохиолч Б.Ойдов анд маань гүнээ ойлгоод бид хоёрт зориулж найраг биччихсэн байна лээ шүү. Энэ чинадын зүйл бол зарим хүн булшинд дурлаад ухаж барьдаг шиг юм биш шүү дээ. Би түүнийг сонссон, ойлгосон, бичсэн. Тэр бүхэн маань буусан. Зохиол бүтээл гэдэг бол сэтгэлийн ундрал, асгарал, охь. Түүнээс биш өөр юм байхад хэцүү. Ухаандаа чиний цасны тухай шүлгийн “Гэрэлт мөчрүүдийн дээгүүр гэгээ цацруулан бүжиглэнэ” гэсэн мөр байна. Зохиол энэ маягаар л төрнө. Энэ бол сэтгэлийн охь. Зохиолч хүн өөртөө зориулж бичдэг гээд ярьдаг. Энэ үгүй байх. Өөртөө таалагдсан хүнд зориулж бичдэг, тэрийгээ хуваалцах юм сан гэж боддог байх. Ер бусын харилцаа байсан даа.

-Үнэхээр уран бүтээлч хүний сэтгэлийн ертөнц ч агуу шүү. Улаанбаатар сонинд очоод Галсансүх, С.Анударь нартайгаа танилцав уу?

-МУИС-ийн сэтгүүлчийн ангид Зулькафиль багшийнхаа урилгаар орлоо. Тэр ангид Мархаахүүгийн Буянбадрах, Б.Бат-Амгалан, Онон гэж “Улаанбаатар” сониноос ирсэн гурван мундаг залуу байна шүү. Оросоор надаас ч илүү уншсан юм шиг. Тэд л намайг Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэй танилцуулж тэр сонинд оруулсан. Тэнд Б.Галсансүхтэйгээ танилцаж “Юу ч биш” өгүүллэгээ хэвлүүлж, модернист зохиолч гэж цоллуулж, олонхид нь хараалгаж явлаа. Н.Төмөрхуяг багш маань “В одно утро проснулся знаменитым” (“Нэгэн өглөө алдартай сэрлээ дээ”) гэж баяр хүргэж байлаа. Галсаа маань дараа нь хэвлэлд ярихдаа “Монголын хүүрнэл зохиолын ирээдүйд модернист зохиолч Ч.Мөнхбаяраас өөр хүн алга” гэж бичээд модернист гэдэг нэрийг надад өгчихсөн хүн дээ. (инээв) Дараа нь Галсансүх Анударьтай танилцуулж бид бүгдээрээ зохиолоороо хамтын сонин хэвлүүлж байлаа. Түүнээс хойш “Монгол Омен” номоо хэвлүүлсэн. Одоо хэвлүүлбэл ч олон л ном байна. Хүн ойлгоо ч уу, үгүй ч үү гээд олны хүртээл болгохгүй л явна.

Хөөрөлдөөнөө энэ хүргээд өндөрлөе дөө. Түүний санасан олон сайхан санаа бодлыг хожмын өдөр номын гэрэлт үсгээр сийлэн үлдээхээс аргагүй болов.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Агаар амьсгал болохуй”-д амьдралыг бид ойлгоно

Гүн ухаангүйгээр бодоход амьдрахуйн утга учир юусан билээ. Юу ч биш байх аа даа. Тэр л юу ч бишийг уншиж, урагдаж буй уушгиных нь бөглөрч байгаа амьсгааг мэдэрсэндээ гунинам. Гэхдээ би гуниглаагүй ээ. Энэ буландаа дэлхийн сонгодог зохиолч Германы Патрик Зюсландын “Сүрчиг”, 1933 оны Нобелийн шагналт зохиолч Оросын их хөвүүн Иван Бунины “Арсеньевагийн аж төрөл” хэмээх алдарт романуудыг оруулъя гэж өчнөөн бодсоон.

Энэ зохиолуудыг агуу их орчуулагч Орхунт Ц.Гомбосүрэн, Ононгийн Чинзориг нар эх монгол хэлнээ аялгуу сайхан орчуулсан. “Аз хур” хэвлэлийн компаниас надад хагас сая төгрөгийн үнэтэй номын санал өгөв. (Би ч номын ертөнцөд үнэндээ нэг ганц удаа тонгочиж үзсэн шүү). Тэгэхэд “Болор судар” хэвлэлийн газрын ажилтан, зохиолч, яруу найрагч Сэрээнэнгийн Сосор найз маань ямар сайхан номууд надад санал болгосон гээч. Тэр дунд Пол Каланитийн “Амьсгал агаар болохуйд” хэмээх номыг аваач гэв. Ний нуугүй хэлэхэд гайхаж л байсан.

Дэлхийн өчнөөн л сонгодгийг авсан л даа. Харин тэр номуудын дунд мөнөөх ном арай л балчирдаад байв. Гэсэн хэдий ч тэр ном дэлхийн дөчөөд хэлнээ шилдэг болсон ном юм байна. Уншаад үзсэн чинь уйлахаас аргагүй гунигийн түүх юм билээ. Тэр номыг уншихад

“Уйтгар гуниг төгөлийн цаадах сар шиг байдаг

Уянгалагч тэр алс руу сэтгэл зүрхийг минь дуудаач!” гэсэн Оросын агуу их яруу найрагч Александр Фетийн үг санаанд ороод байв. Гуниг бол гуниг л байдаг биз.

Пол Каланити тархины агуу их мэс засалч атлаа уушгины хорт хавдар тусаад хоног өдөр нь мөч хормоор тоологдсоор байхад амьдралын төлөө ямар гайхамшигтай тэмцснийг өөрийнх нь тэмдэглэл хүн төрөлхтөнд ойлгуулна.

Тэр хүний өөрийнхөө тухай өчил намтрыг уншаад хорвоогийн эрээн бараан, уйтгар гуниг, баяр баяслыг мэдрэх нь таны сонголт юм даа. Хэрвээ бид 36-хан насандаа хорт хавдар туссан бол энэ хүн шиг утга төгөлдөр амьдарч чадаа ч уу, үгүй юу.

“Амьсгал агаар болохуйд” нэртэй ном дэлхийн дөч гаруй хэлнээ орчуулагдан олон улсын бестселлер болсон. Пол Каланити 36-хан наслахдаа хүнээс дээд бурхны хэмжээнд амьдарчээ. Бид ч тэгж чадна гэж бодож байна. Каланити бүгдийг мэдэрч байсан. Тэр охин Кэйдидээ зориулж, сүүлчийн амьсгалаа дуустал эл номыг бичсэн ч хүн төрөлхтөн түүнд сэтгэл зүрхээрээ мэхийсээр байх билээ.


Categories
мэдээ цаг-үе

Гавьяат жүжигчин Т.Чойжилсүрэн: “Гарьд магнай” киноны Дондогдулам хатны дүрдээ би их хайртай

“Гарьд магнай” киноны Улсын эх дагина Дондогдулам хатны дүрийг амилуулав. 1983 он.

Монгол Улсын гавьяат жүжигчин Тогтохын Чойжилсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр “Гарьд магнай” кинон дээр “Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ” гэж ширэв татдаг Богд хааны хатан, улсын эх дагина Дондогдуламын дүрийг бүтээснийг олон түмэн сайтар мэдэх биз ээ.


-Та зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хүйлэн огторгуйн заадас” номын баярт ардын уран зохиолч Шагдарын Дулмаа гуайтай оччихсон үг хэлж зогссон доо?

-Дулмаа найрагч бид хоёр үе тэнгийн хоёр. Нас чацуу, бие чацуу. “Оргил” рашаан сувилалд нэг өрөөнд хүртэл хамт амарч байсан.

-Та жүжигчин болсон талаараа яриач. Алтан үеийнхэнтэй нэг үед ажиллаж, дүр бүтээж явсан хүн биз?

-Гурван театр нэг дор байхад яг л алтан үеийнхний дотор бужигнаж явлаа. Би Завхан аймгийн Идэр сумын хүн. Нутагтаа аав ээжийнхээ гар дээр өсөж торниод Идэр сумын сургуульд нэг жил сурчихаад, манайх аймаг шилжихэд Элдэв-Очирын нэрэмжит сургуульд долоодугаар ангиа төгстөл суралцлаа. Тэгтэл аав маань бурхан болоод ээжийгээ тэжээх боллоо. Ээжтэйгээ амьдраад байж байтал аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн дарга нагац ах маань “Энэ хоёр хүнийг яадаг шүү юм билээ” гээд аймгийн Эвлэлийн хороонд галч хийлгэх юм боллоо. Том хар пийшингүүдийг галлах гээд чаддаггүй. Нойтон модыг нь ч даахгүй юм. Эвлэлийн хорооны дарга Дашзэгвэ гуай “Энэ хүүхдийг ямар хүн аваад ирсэн юм бэ. Биднийг хөлдөөж алах нь. Болиул” гэснээр халагдлаа.

-Хар нялхаараа амьтан чинь хар бор ажил яаж хийж чадахав дээ?

-Эвлэлийн хороо дуудаж байна гэхээр нь очсон чинь “Бичээч хий” гэж байна. Бичээчийг харин хийчих юм билээ. Бичгийн машиныг нь будаа тоншиж байгаа шувуу шиг хоёр хуруугаараа тоншсоор овоо сурлаа. Сүүлдээ ч цагааширлаа. Би багаасаа л дуу хуурт дуртай, хөлөөв (клуб) рүү л гүйчих гээд байдаг хүүхэд байсан. Аав маань ч сайхан дуулдаг хүн байлаа. Машины бичээч хийж байсан ч чихэнд аймгийн хөлөөв(клуб)-ийн дуу хуур сонсогдоод л байна. Хурлын тогтоол, аливаа бичих юмыг нь дор нь л гаргаад өгчихнө. Тэгж байгаад цэцэрлэгийн багшаар ажиллах юм боллоо. Тэнд ажиллаж байхдаа аймгийн хөлөөвт сайн дураараа гүйсээр байгаад хөгжимчин, дуучин гээд хийхгүй юм байхгүй навсганаад яваад байлаа. Сүүлдээ бүр нугарч ч үзсэн. Хотоос алиа Содном гуай, солгой Баяр гэдэг хүн хоёр очоод нугаралт энэ тэрийг хийлгэдэг байв. Хятад ажилчны хөлөөв, аймгийн хөлөөв хоёр нэгдлээ. Ингэж орон тооны арван хэдэн жүжигчнийх нь нэг болсон доо. Гурван сайхан хүүхдийнхээ аав Ховд аймгийн эмч нөхрөө даган нутагт нь очиж Хөгжимт жүжгийн театрт нь жүжигчнээр ажиллалаа. Миний амьдрал, уран бүтээл Ховдын театртай ингэж салшгүй холбоотой болсон доо. Тэнд 1952-1960 он хүртэл “Урагшлах замд”-ын Тогтохмаа, “Тожоо жолооч”-ийн Бадам, “Учиртай гурван толгой”-д Нансалмаа, Хоролмаа, “Далан худалч” жүжгийн Алимаад гээд гол гол жүжгийн голлох дүрд тоглож, бас дуулна. Ховдын театрт байхад найруулагч Э.Оюун багш очлоо. Дуурийн театр Хятад улс руу аялан тоглох болоод Ховд, Дорнодын театраас хүн шалгаруулж авч явахаар очсон юм билээ.

Бээжинд. 1957 он.

-Тэгээд Бээжин явав уу?

-Хоёр гурван өдөр шалгаад Тоодог гэдэг бүсгүй бид хоёр үлдлээ. Тэрэнтэйгээ ахин дахин өрсөлдсөөр 1957 онд Хятад явах боллоо. Баян-Өлгийгөөс хоёр гурван бүжигчин явсан. Хятадын долоон хотод дөчин таван хоног тоглолт хийлээ. Норовоо (ардын жүжигчин, алдарт уртын дуучин Норовбанзад) бид хоёр хоор дуунд зэрэгцэн зогсоно. Дуулахдаа би өөрийн эрхгүй хурууг нь өвдтөл атгачихсан байдаг сан. Сүүлд Дагвын Лувсаншарав багш маань “Хөх дээлтэй хөдөөний хоёр юм хоорондоо хэлхэлдчихээд салдаггүй явдаг сан” гэж дурссан удаатай. Хаа ч явсан л хоёулаа явдаг сан. Нямын багш маань (Нямын Цэгмид) биднийг ахалж явж байлаа.

-Хятадад очоод олон сайхан зүйл үзэв үү?

-Бид олон сайхан зүйл үзсээн. Урлагийнхныг энд тэнд явахад сайхнаар хүлээж авдаг нь хүн төрөлхтөний ёс. Тэр үед Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлай байсан. Биднийг хүлээж авах үеийн гэрэл зурагт бид хоёрын гар барьж байгаа агшин цааснаа буусан нь гудамжинд хүртэл плакат маягтай наагдсан байлаа. Тэр зургаа олж авах гээд чадаагүй шүү. Одоо архив, музей энэ тэрд байдаг л байх.

-Хотод орж ирээд Драмын театрт жүжигчин болов уу?

-Жаран онд хотод орж ирэхэд Соёлын яамнаас намайг Хүүхэд залуучуудын театрт жүжигчнээр томиллоо. “Өгөр толгой Гүрсэд” Дугарсанжаа багш маань намайг анх хүлээж авсан. Энэ ягаан ордонд Дуурь, Драм, Хүүхэд залуучуудын гурван театр чинь нэг тайзан дээр ээлжилж тоглодог байлаа. Алтан үеийнхэнтэйгээ нэг тоглолтонд орно. Энд би Итгэлт баяны дүрээр мөнхөрсөн ардын жүжигчин Очирбат, Хишигт хоёрын зохиол “Хүү” жүжгийн аравдугаар ангийн охин Норжмаагийн дүрд тоглосон. Мөн “Улаан бүч”, “Ялалтын жигүүр” зэрэг жүжигт тоглож байлаа.

-Таны бүтээсэн “Гарьд магнай” киноны эх дагина Дондогдулам олон түмний сэтгэлд нэлээд хоногшсон дүр шүү?

-Би тэр дүрд тэнцэнэ гэж ердөө бодоогүй. Ж.Бунтар найруулагч “Би ийм кино хийж байгаа. Байдыг Богдоор, чамайг Богдын хатны дүрд авна” гэсэн. Байды гуай бид хоёр “Үүрийн цолмон” кинонд Доной баян, түүний авгай хоёрт тоглосон байсан. Энэ кино Бунтар гуайн бүтээл л дээ. Би Дондогдулам хатны дүрд тоглоно гэдгийг сонсоод эхлээд бүр муужирчих шахсан. Тэгсэн “Олон таван үггүй тогло” л гэсэн. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Хишигт нарын зохиол, Бунтар, Чимэддорж нарын найруулсан кинонд наян гурван онд тоглосноос хойш ард түмэн намайг хаа ч явсан л “Богдын хатан, Эх дагина” гэж хүндэлж байдагт баярлаж явдаг даа. Ямар сайндаа рашаан сувилалд сувилуулж байхад нэг хүүхэн намайг дандаа л “Дондогдулам аа, нааш ир, чамд оочер авчихсан” гэх мэтээр дуудна. Сүүлд өрөөнд нь ороод “Намайг битгий тэгж дуудаад бай л даа” гэсэн чинь “Энэ хүмүүс л чамайг Дондогдулам гээд байсан. Жинхэнэ нэр чинь биш киноны дүрийн чинь алдар байсан юм уу” гэж бөөн инээдэм болох вэ дээ. (инээв. сур) Нэг бодлын сайхан л юм. Нэг удаа зам дээр цагаан машин зогсоод хэсэг залуус “Эмээ та Дондогдулам хатан мөн, тийм ээ” гэхээр нь ичээд дуугарч ч чадахгүй толгой дохитол “Бид таныг мөн, биш гэж мөрийцөж байсан юм. Би тэгвэл мөрийгөө авчихлаа” гэж байсан. Жүжигчин хүн чинь дүрээ их судлах ёстой байдаг. Тэгэхэд би Дондогдулам хатны амьдрал ахуйг ер судлаагүй шахуу л тоглочихсон юм билээ. Би хорь шахуу кинонд тоглосон ч энэ дүрдээ их хайртай. Дондогдулам хатан чинь их эрдэмтэй гайхамшигтай хүн байсан юм билээ.

-Та сүүлд хүмүүсээс асууж судалж мэдэв үү?

-Лам нар жасаа уншиж байх үед Эх хатан чинь уншлаганд нь ороод ном цээжээр уншчихдаг, түвд, манж, хятад хэлтэй, шүлэг дуу зохиодог ер бишийн хүн байсан юм билээ. Богд хааныг гаминд баригдан шоронд хоригдож байхад нэг дуу зохиож дуулсан түүхтэй.

“Дөрвөн уулын дундаасаа

Усны тунгалаг урсана аа хө

Төр улс маань төвшин бол

Түмэн олон амгалан сан

Хадны завсар хавчуулагдсан

Халиуны зулзага хөөрхий

Харийн дайсанд баригдсан

Хаан эзэн минь хөөрхий

Бутны завсар бултайсан

Булганы зулзага хөөрхий

Бултын өмнөөс баригдсан

Богд эзэн маань хөөрхий даа” гэж дуулсан байдаг юм билээ.

“Үүрийн цолмон” киноны Доной баяны эхнэр Дэнсмаагийн дүрд…

-“Говь Хянганд тулалдсан нь” кинонд та бас тоглож байжээ?

-Би чинь “Говь Хянганд тулалдсан нь”-д гэрээ шатаалгасан малчин ардын гэргий, “Зарлаагүй дайны оршил”-д худгийн сахиулд зэргээр жижигхэн дүрүүд бүтээсэн.

-Өөр хориод кинонд тоглосон гэлээ?

-Золбаярын “Ээждээ л үнсүүлэх юм сан” кинонд төрийн шагналт жүжигчин Цагааны Төмөрбаатарын ээжийн дүрд тоглосон доо. Хошин урлагийн Одончимэг, гавьяат жүжигчин Дэлгэржаргал, Итгэлт-Очирбат бид тоглосон кино шүү дээ. “Зугтаарай” гээд инээдмийн киноны нэг авгайн дүр байна. “Хойт эх”-эд тоглосон.

-Таны жүжиглэхүйн урлагийн багш гэвэл хэн байна?

-Хоёр Цэгмид, ардын жүжигчин Ленин Дамдиа буюу Дамдинсүрэн гуай, Ичинхорлоо гуай, Хандсүрэн, Цэрэндулам, Гэндэн багш гээд алтан үеийн бүх жүжигчид бидний багш байсан даа. Рэнцэнноров гуай гэхэд манай театрын дарга байлаа. Хүүхэд залуучуудын театр туурга тусгаарлаж Эмнэлэг гэгээрлийн ордонд очиход “Эвий, энэ муусайн хүүхдүүдийг явуулж яах нь вэ” гэж нөгөө хэд маань уйлсан гэж байгаа. Ичинхорлоо гуайг Ийеэ багш гэж авгайлна. Үйлдвэрийн зориулалттай байж байгаад Хүүхэд залуучуудын театр болсон тэр сайхан байрыг чинь И.Нямгаваа зараад сүүлд бид хог дээр гардаг байгаа. Харин урлагийн гавьяат зүтгэлтэн Цэрэнсамбуу, ардын жүжигчин Н.Сувд хоёр чинь ухаантай улс болохоор “Хүүхэд залуучуудын театрын хэдэн хөгшчүүлээ театртаа авъя” гэж эцэг театрт минь авсан. Тэгээд эндээ эрхлээд, шинэ тоглолт бүрт уригдаад байж байна даа. Хүүхэд залуучуудын театрт Ягаан Гажид дүрээрээ алдаршсан гавьяат жүжигчин Цэнд-Аюуш, Равсал панз Магсаржав, Рэнцэнханд нартайгаа сайхан л байсан.

-Алдарт жүжигчин Сэдэд гуайтай жүжигт хамтран тоглож байсан гэдэг дээ?

-“Хүний бодол өөр болжээ” жүжигт хамт тоглосон.

-Зургуудыг чинь харахад “Ромео, Жульетта”-д хүртэл дүр бүтээж дээ?

-Капулетын хатны дүрд тоглож байлаа.

-Таны үр хүүхдүүдээс авьяасыг тань өвлөсөн хүн байна уу?

-Эмээ нь дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Хүүхдийн хувцасны үйлдвэрийн нормчин Оюун гэж ажилсаг мастер хүн болсон. Хүү Эрдэнэбаатар маань ЗХУ-ын Краснядор хотод Барилгын инженерийн сургууль төгссөн аварга барилгачин, хөлбөмбөгийн мастер олон алт, мөнгө, хүрэл медаль цомын эзэн болсон хүн байна. Хүү Эрдэнэтийн ГОК-ийн барилгуудыг, хотод “Бүжинхэн” цэцэрлэг, “Чингис” зочид буудлуудыг барилцсан даа. Охин Алтанцэцэг маань Хөгжим, бүжгийн дунд сургуулийн бүжгийн анги төгсөн Эрдэнэтэд ажиллаж байгаад Ленинградын Соёлын дээд сургуульд суран төгсөж ирсэн. Улсын ардын дуу, бүжгийн чуулгад хуваарилагдсан байсан ч “Эх орныхоо хэрэгцээт газар очно” гээд Эрдэнэтийг дөнгөж байгуулагдаж байхад Нямын Цэгмид багштай хэдэн хүүхэд явсны нэг нь миний охин. Ленинградад дээд сургууль төгсөж ирээд Эрдэнэт хотын Соёлын хэлтэстээ ажилласан. Отгон охин Шийтэрийн Алтаннавч маань нэгдүгээр сургууль дүүргэж, “Бэрс” дээд сургуулийг “ТВ-8”-ын Алтаа, сэтгүүлч Д.Болдхуяг нартай хамт төгссөн сэтгүүлч мэргэжилтэй хүн. Алтаннавч маань Үйлдвэрчний төв зөвлөлд “Хөдөлмөр” сонины эрхлэгчээр олон жил ажиллаж байгаад АНУ-д суралцан, арваад жил ажиллаж, амьдарч байгаад саяхан ирсэн дээ. Одоо барилгын байгууллагад хүний нөөцийн менежерээр ажиллаж байна. Эмээ нь танай сониноор нэг талархал уламжилж болох уу?

-Бололгүй яах вэ?

-Цагаан сараас өмнө бие өвдлөө. Хоёр гурван өдөр л өөрийгөө оношилж аргалах гэж үзээд сүүлдээ Клиникийн хоёрдугаар эмнэлэгтээ очиж үзүүллээ. Олгой хүндэрчээ. Ерөнхий эмч Нармандах “Яаралтай хагалгаанд ор” гэлээ. Тэгэх нь ээ өмнө нь надад цөсний хагалгаа хийж миний амийг хоёр удаа аварсан алтан гартан байна лээ. Мэс заслын тасгийн хамт олон их эмч Нармандах, Анхбаяр нартаа, бүх сувилагч, асрагч нарт баярласнаа илэрхийлье. Нармандах эмчийн хувьд Дундговь аймгийн эмнэлэгт ажиллаж байхдаа гурван мянга, Хоёрдугаар эмнэлэгт мэс заслын эмчээр ирснээсээ хойш 17 мянган хүнд мэс ажилбар хийж хориод мянган алтан амийг аварсан гэж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд уламжлахад ийм сайхан гавьяатай мэргэжилтнүүдээ хайрлаж харж хандаасай гэж чин сэтгэлээсээ хүсэх байна даа.

Categories
мэдээ соёл-урлаг

Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл: “Байтаг Богд” кинонд Төгөлдөр хүү маань өвөөгийнхөө түүхэн дүрийг бүтээсэн

Түрүүч нь 80(5923) дугаарт

Өвөр эгнээнд зүүн гар талаас Гончигзэгвэ, Хаянхирваа, зохиолч Ц.Уламбаяр охин У.Амарсайханы хамт, түрүүч Д.Чойжин. Арын эгнээнд хилчин Пэлжээ болон бусад шагнагдагсад. 1949 оны Ардын хувьсгалын 28 жилийн ойн баярын үеэр. Улаанбаатар хот

Байтаг Богдын тулааны арван хилчин баатрын нэг Доржийн Чойжингийн охин Оюунгэрэлтэй уулзаж хөөрөлдөв.

-Аав тань цэргээс халагдсаныхаа дараа ямар ажил алба эрхэлж байв?

-Залуу байх үед нь Байтаг Богдын арван баатрын нэг гээд ард түмэндээ хүндлэгдээд сайхан амьдарч байлаа. Далан оны дунд үеэс аавыг минь хэлмэгдүүлж ажлыг нь гэхэд улам л бууруулаад байсан. Цэргээс халагдаж ирээд Баянхонгор аймгийн Галуут сумын МХЗЭ-ийн үүрийн даргаар ажиллаж байсан юм билээ. Дараа нь Заг суманд прокуророор очиж ажилласан. Түүнээс хойш аймгийн хөдөө аж ахуйн газрын нягтлан бодогч, арван жилийн сургууль, Өвгөнжаргалантын пионерын зуслан, үнэт цаасны газар зэрэгт няраваар ажиллаж байлаа.

Элдэв яриа гараад ирүүт Цэргийн хэлтсээс шагналд тодорхойлохоо болиод, гадуурхаж эхэлсэн. Аавын маань хамгийн том шагнал нь Байтагийн тулаанд нэхэн олгосон “Байлдааны гавьяаны улаан тугийн одон” байсан. 1947 оны гуравдугаар сард бүрэн зэвсэглэсэн дайсан барихад олгосон “Онц хилчин” тэмдэгтээ их хайртай байлаа. Далаад оноос ойн медалиар ч шагнагдахаа больсон. Наяад онд тэтгэврээ тогтоолгохын тулд аймгийн театрын урд талд галчаар хүртэл ажилласан. Наян найман онд Байтаг Богдод байлдсан газар нь арван хилчний нэрийг бичсэн хөшөө босгоход аав минь “Баатар цол хүртээгүй, байр сууцаар шагнуулаагүй ч байлдсан газраа нэрээ мөнхлүүлчихлээ” гэж нулимс унаган баярлаж байсан даа.

-Есөн хүүхдээ харж л сэтгэлээ баясгадаг байж дээ?

-Ээж маань 1932 онд Мандал суманд төрсөн Дуламсүрэн гэж тогооч, дэлгүүрийн худалдагч, худгийн ус түгээгч хүн байлаа. Наян дөрвөн онд бурхан болсон. Манай ууган ах Зээчир 1951 онд төрсөн, Улаанбаатар хотын эвлэлийн хорооны үзэл суртал хариуцсан ажилтан байсан. Эгч Дэнсмаа маань аймгийн захиргаанд мэргэжилтэн, Сүхбаатар ах маань Эрдэнэтэд слесарь, Оюунчимэг эгч маань Баянхонгор аймагт мэдрэлийн их эмч. Миний бие 1962 онд төрсөн, сувилагч мэргэжилтэй, Одбаатар гэж цагдаа дүү маань бурхан болсон. Оюунбилэг дүү минь инженер, Одхүү гэж бас нэг эрэгтэй дүү бий. Отгон дүү Оюундэлгэр маань Нийслэлийн 18 дугаар сургуульд багшилж байна. Есөн хүүхэд нь ихэнх нь гурваас дээш хүүхэдтэй шүү.

-Аав чинь хэдэн онд бурхан болов. Өнгөртлөө сэтгэл санаа нь тайвангүй байв уу?

-Аав маань ерэн нэгэн онд бурхан болтлоо мөнхийн дарамттай байсан. Хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл үг дуугарахаа байчихаар аав маань нэг хэсэг балгаж эхэлсэн. Тэгэнгүүт би аавыгаа хотод авч ирж оюутан дүү нартайгаа хамт аль болох л өөдрөг байлгах гэж хичээдэг байлаа. Аав хотод такси баазад манаач, 24 дүгээр яслид жижүүр хийсэн. Тэтгэврийнхээ хугацааг гүйцээх гээд л байгаа царай нь тэр шүү дээ. Тэр хооронд хотын паспорт олгохгүй. Хотын паспорт хөөцөлдөхөөр бараг л эх орноосоо урвасан ч гэдэг байсан юм уу, юу гэдэг ч байсан юм өгдөггүй. Тухайн үеийн хотын дарга нар дээр зөндөө л орж байсан. Сүүлдээ настай хүн чинь залхдаг ч юм уу “Дарга нартай уулзсан, уулзлаа” гэж хэлнэ. Өрөвдмөөр л байсан даа. Бид чинь олуулаа, айлын хажуу өрөөгөөр амьдарч, ер нь зовлон үзсээн үзсэн.

-Танд Байтагийн найз нөхдийнхөө тухай ярих уу?

-Тэгшээгийнхээ хүрэн халзан морийг их ярьдаг байсан. Манай аавыг цэрэгт явахаасаа өмнө морь сайн уургалдаг, адуунд эрэмгий хүн байсан гэж хөгшчүүл ярьдаг байлаа. Амь үрэгдсэн нөхдөө ярина. Тэгшээ гуай гэхэд их сэргэлэн цэрэг байсан гэдэг. Тэгшээ нь цагаан эсгий гутлаа тостой хөөгөөр тослоод бүжиглэдэг байсан их алиа хүн байсан юм билээ. Гончигзэгвэ гуай нь манайд далан тав, зургаан оны үед нэг охиноо дагуулан ирж аавтай уулзаж байлаа. Өвөрхангайн Богд сумандаа мал маллаж байгаагаа яриад л. Аав бас тэднийд очиж байсан. Аав үнэт цаасны нярав болохоор Өвөрхангайн Нарийнтээл сум руу очиж тооцоо хийдэг, тэр үеэрээ уулздаг байсан гэдэг. Нэг яваад ирэхдээ “Нөхөр минь бурхан болчихож” гэж их гунигтай ирснийг би мартдаггүй. Хаянхирваа гуайтай болохоор хотод ирсэн цагаасаа байнга холбоотой байсан даа.

Дайныг хэзээ ч үзэхийг хүсмээргүй муухай зүйл гэнэ. Гурван нөхрийгөө эрсдэж байхад нүүр нүдгүй гал шунгинаад, дайсан орж ирэхэд улаан тоос босоод, буудалцаж байхад хүн хэзээ ч ар гэр, ах дүүгээ боддоггүй, тэр шунгинаж байгаа суман мөндөр дундуур хэдэн хүн унагаах вэ л гэж амь тэмцэн мэрийдэг гэдэг байсан. Дандархайдав нь морио бариад байж байхад дайснууд миномётоор морьдыг нь буудан дэлбэлсэн юм билээ. Морьд нь гэдсээ чирж ийш тийш давхиад, аав хүртэл морио өрөвдөөд “Амьтан зовоож байхаар” гээд буудсанаа ярьдаг л байсан. Дайн бол кино биш учраас ямар олиг байв гэж.

-Пэлжээ гуайтай уулздаг байсан бол уу?

-Ер нь уулзаж амжаагүй байх. Хөөрхий амьтан, “Увс аймгийн Өндөрхангай сумын өндөр настан Пэлжээ” гэсэн нэг хаяг дэвтрийнх нь булан дээр байдаг байсан. Бодвол цаанаас нь л захиа ирсэн юм болов уу даа. Аавыг Хилийн цэрэг дээр байнга дуудчихна. “Хаянхирваа ухар гэсэн нь үнэн биз дээ. Ухарсан гэж гарын үсэг зур” гээд байнга л байцаадаг байсан. Энэ чинь одоо хэлмэгдүүлэлт мөн биз дээ. Аав “Энэ тулааны талаар нөхөр Хаянхирваа үнэн зөвөөр нь тодорхой ярьж байна. Би үүнийг давхардуулж ярихын хэрэг алга. Энэ тулааны талаар тэр үед зөв зохион байгуулж сайн байлдсан гэж бид бүгд Засгийн дээд шагналаар шагнагдаж, ном зохиол бичигдэн, намын “Үнэн” сонинд хэвлэгдэн, кино хүртэл гарч байсан. Үүнд нь бид их баярлаж явдаг билээ. Тэгэхэд одоо биднийг буруутган хэлмэгдүүлж, худал цуурхал яриа гаргаж, түүхийн үнэнийг гуйвуулж байгаа нь үнэхээр их гомдмоор зүйл болж байгаа юм” гэсэн өргөдөл нь энэ байна. (Д.Чойжингийн өргөдлийг үзүүлэв. сур)


“Байтаг богд” кинонд жүжигчин Т.Төгөлдөр өвөө Д.Чойжингийн дүрийг амилуулав

-Ёстой нулимстай өргөдөл бичиж байж дээ?

-Цааш нь “Энэ байлдаан дууссаны маргааш Зонров даргатай хүмүүс газар дээр нь ирэн үзэж шалгаад акт баримт бичээд явсан билээ. Тэр хүмүүсийн бүрэлдэхүүнд орж шалгасан, тухайн үед тусгай ангийн дарга байсан Базар энд сууж байна. Энэ хүн үнэний талаар дахин зөв тодруулж ярих байх. Мөн тэр байлдаан болсноос гурав хоногийн дараа хурандаа нөхөр Жамьян сургагчтайгаа очиж шалгаад “Зөв зохион байгуулж, сайн ажилласан байна” гэж баяр хүргэж Хаянхирваатай гар барьж байсныг би одоо болтол мартаагүй байна. Тэгэхэд Гончигзэгвэ бид хоёр цуг явж байсан. Ер нь биднийг үүрэг гүйцэтгээгүй гэж үзсэн бол эхнээсээ яах гэж тэгж магтсан юм бэ. Нөгөө “Махан дээрээ санаагүйгээ шөлөн дээрээ санав” гэгч болж байгаа юм биш үү. Та нар тэр үед бүгд л залуу, ухаантай, сэргэлэн дарга нар байсан шүү дээ. Та нар чинь ганц хил дээр гарсан зөрчилдөөний талаар үнэн зөв шийдээд зогсохгүй, хилийн гаднах улс гүрэнтэй харилцан тохиролцох эрх бүхий томоохон албан үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс биз ээ. Манай дарга нарын дотор худлаа цуурхал тараадаг, өөрөө биеэр оролцож хийгээгүй байж оролцож хийснээр нэр хүнд хөөцөлддөг хүмүүс мэр сэр байна шүү дээ. Үүнийг нам засаг үнэн мөнөөр нь олох нэн түрүүний зорилт баймаар юм даа. Жишээ нь, бидэн дээр хамгийн түрүүнд Ванчин даргаар удирдуулсан туслах групп очсон, дараа нь ахмад Мадригийн групп очсон Зонров, Дулмаа нарын хүмүүс “Би түрүүнд очсон” гэж худлаа яриад байх юм. Зонров “Би тэр дайснуудыг хөнгөн пулёметоор буудаад хөөсөн” гэж худал бичиж байна. Бид дайсанд бууж өгөөгүй, амьд хэл олзлуулаагүй, хил давуулж өөрийн орон нутаг, газар шороог дайсанд алдаагүй, буу зэвсгийнхээ хүчээр, өөрсдийн чадлын хэрээр ядрахын туйлд хүрэн тэмцэж явсныг та бүгд үзсэн бол одоо өрөвдөх сэтгэл төрөх байсан байх. Ер нь амь өрсөлдсөн тийм үед “Манайхаас хэн ирж туслах бол, бидний амийг хэн аврах бол” гэсэн сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан учир хамгийн түрүүнд ирсэн Ванчин, Чимэддорж нарыг, Мадригийн удирдсан туслах группуудээс тов тодхон санаж мартагддаггүй юм. Дайсанд бид тухай бүр цохилт өгч нам засаг, ард түмнийхээ өгсөн даалгаврыг биелүүлсэн гэж баярлаж явдаг юм” гэж хөөрхий амьтан бичсэн байгаа юм.

-Аав чинь ч аргагүй л хэлмэгдсэн юм байна шүү?

-Аав захидал өргөдөлдөө “Гэтэл гуч гаруй жилийн дараа түүхэн үнэнийг ингэтэл гуйвуулах болсон учрыг би одоо болтол бодоод олохгүй юм. Ер нь Цэдэн-Ишийн ном бичигдсэнээс хойш бидний гүйцэтгэж байсан үүргүүд үгүйсгэгдэж, энэ ном ширээний ном болсон гэж би сонссон. Тэгвэл тэр ном хэдий хэрийн түүхэнд хэр зэрэг үнэн юм бичсэн ном юм? Бидний тэр өдрийн байлдаан бол зөвхөн тэнд явж байсан арваадхан хүний үйл явдал биш Хилийн цэргийн түүх, ард түмний түүхтэй холбоотой юм биш үү? Ийм учраас үүний үнэн зөвийг үнэнээр нь ард түмэнд, хилчин дайчдад ойлгуулах цаг болсон гэж би бодож байна” гэж бичсэн байгаа юм.

-Ахмад дайчдад байр орон сууц олголоо л гэдэг. Аав чинь бурхан болохоосоо өмнө байртай болсон байлгүй?

-Ерөөс ганц удаа ч байр аваагүй. Өөрийнх нь байр хүссэн 1989 оны есдүгээр сарын 8-ны өдөр бичсэн өргөдөл энэ байна. 1990 оны нэгдүгээр сарын 3-нд буцааж цохоод ирүүлсэн. Би өвгөнтэйгөө нэг хэсэг “Бөмбөгөр” худалдааны төв дээр ажиллаж байхдаа энд тэнд бараа тарааж явахдаа аль нэг шинэ байрны гадаа очих үед “Энэ олон гэрэл дотор миний аавын нэртэй ганц цонх байхгүй байгаад би их гунигтай байна” гэдэг байсан. Өвгөн минь “За, битгий тэгж хэл” гээд намайг аргаддаг байлаа. (Хоолой нь зангирав. сур) Хань маань Түвдэндорж гэж уурхайчин хүн байдаг.

-Тэнд байлдсан хилчид байтугай Тэгшээгийн хүрэн халзан морь хүртэл арваад жил тэтгэвэртэй байсан гэж би сонсож байлаа. Тэгэхэд аав тань харин ч бүр “Эх орноосоо урвагч” гэх шахуу хэлэгдэн хэлмэгдэж явсан гэхээр мөн ч гунигтай санагдлаа?

-Үнэхээр харамсалтай байсан даа. Хилийн цэргийн ерөнхий газарт хүртэл өргөдөл бичиж байсныг Нэргүй гэдэг хүн дарсаар байгаад сураггүй болгосон. Хүмүүст ярихаар “Арай ч үгүй байлгүй” гээд итгэдэггүй юм. Зарим нь “Та нарын өгсөн өргөдлөөр аавын чинь нэрээр өөрсдөдөө байр авчихсан байх” л гэдэг юм. Тийм ч байж магадгүй. Тийм бол дээрээс харсан юм байж л байгаа байх. Аавынхаа өмнөөс би их гомддог. Өчнөөн тэрбумаар нь ийш тийш нь хадгалуулж байна л гэж байна. Төрийн томчууд үр хүүхдүүдийнхээ нэр дээр гадаадад өчнөөн олон байртай байна л гэж байна. Тэгэхэд яагаад миний аавын нэр дээр ганц өрөө байр байдаггүй юм бол гэж их боддог шүү.

-Танайх хэдэн хүүхэдтэй айл билээ?

-Манайх хоёр хүүтэй. Ах Тулга нь “Хас” банкинд ажиллана. Хүү Т.Төгөлдөр маань “Фантастик” продакшны жүжигчин.

-Аавын чинь болоод алдарт Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын тэргүүтэй эрэлхэг баатруудын тухай “Байтаг Богд” уран сайхны киног та үзэв үү?

-Үнэхээр сайхан кино болсон. Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга Баярсайхан гэж хүн хүртэл энэ киног үзээд “Нутгийнхаа баатрыг дэмжилгүй яахав. Тодорхойлолтыг нь бичиж өгнө” гэсэн. Миний хүү тэр киноны багт жүжигчнээр ажилладаг юм л даа.

-Төгөлдөр жүжигчин дүр бүтээв үү?

-Миний хүү чинь өвөөгийнхөө дүрийг амилуулсан хүн шүү дээ. Өвөөгөө өнгөрөхөд дөрвөн сартай байсан юм. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн, ардын жүжигчин Сарантуяагийн шавь байгаа юм. “Маш нууц-1” киноны туслах дүрд тоглож байлаа. Өвөөгийнхөө түүхэн дүрд тоглоно гэдэг чинь их хувь ерөөл юм шүү. “Маш нууц-1”-ийг хийчихээд эдний продакшныхан “Маш нууц-2”-ыг Байтагийн арван баатараар хийнэ” гэж хуралдахад хүү маань “Нэг нь миний өвөө шүү дээ” гэтэл нөгөөдүүл нь “Битгий тоглоод байгаарай” гэсэн байгаа юм. Үнэмшихгүй байж байгаад Бат-Өлзий гавьяат эд нар надтай ирж уулзсан л даа. Бүх материалыг үзсэнээр энэ кино бүтэх ерөөл бүрдсэн. Аав минь жаран зургаан насандаа бурхан болсон. Одоо бол ануухан л нас шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Байтаг Богдын тулаанд оролцсон түрүүч Чойжингийн охин Оюунгэрэл: Шуудангийн онгоц очоогүй бол тэр тулаанаас амьд хүн нэг ч үлдэхгүй байсан

Ч.Оюунгэрэл “Маш нууц” кинонд өвөөгийнхөө дүрийг бүтээсэн хүү Төгөлдөрийн хамт. 2018.04.12-нд

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

1948 оны долдугаар сарын 8-ны өглөө Дамжигийн II сумангийн дарга Мадригаас үүрэг авч авч гарсан заставын хилийн манаанд улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар удирдуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа хүн хүчээр 13 дахин их дайсантай тулалдсан баатарлаг хилчдийн түүх домог болон үлдсэн билээ. Дайсантай баатарлагаар тулалдан амь үрэгдсэн Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Бэгзийн Гиваан, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Баянбалын Тэгшээ, Хөвсгөл аймгийн Бүрэн сумын харьяат Лхүнровын Даваадорж нарт БНМАУ-ын баатар цолыг нэхэн олгосон бөгөөд Булган аймгийн Хутаг сумын харьяат ахлах дэслэгч Гомбожавын Хаянхирваа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Найдангийн Дандархайдав, мөн аймгийн Сонгино сумын харьяат Энхийн Архад, Увс аймгийн Өмнөговь сумын харьяат Түвшингийн Баян нарыг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор, Баянхонгор аймгийн Мандал сумын харьяат хилчин Доржийн Чойжин, мөн аймгийн Богд сумын харьяат Лувсангийн Гончигзэгвэ нарыг Цэргийн гавьяаны одонгоор, Сумандаа богино хугацаанд хэл хүргэсэн Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат хилчин Чойжилсүрэнгийн Пэлжээг Байлдааны медалиар тус тус нэхэн шагнажээ.

Байтаг Богдын арван баатрын нэг түрүүч Доржийн Чойжингийн охин Ч.Оюунгэрэлтэй уулзаж ярилцлаа.


-Байтагийн арван баатрын алдарт тулааны тухай Монгол Улсын түүхэнд тодорхой дурдсан байдаг. Аав тань энэ тулалдааны талаар юу ярьдаг байсан бол?

-Миний аав Доржийн Чойжин хуучнаар Сайн ноён хан аймгийн Дашдоо гүний хошуу Чин сүжигт Номун ханы шавь, Дархан гүний хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын дөрөвдүгээр багийн нутаг Өвөр тээл гэдэг газар 1925 онд төрсөн хүн байлаа. Аав маань 1946 онд ардын цэрэгт татагдаж Зүүн хязгаарт Монгол Улсын баатар Чогдон гуайн удирдлагад 24 дүгээр отрядад цэргийн алба хааж эхэлсэн. Энд бага даргын курст сууж, түрүүч цолтой болоод байж байтал Баруун хил хязгаарын байдал түгшүүртэй болсон гэсэн тушаал ирсэн учир Дамжиг усны заставт алба хаахаар хэсэг нөхдийн хамт очсон.

Тэнд Мадриг, Зонров, Ванчин, Хаянхирваа гэх мэт дарга нарын удирдлага дор албаа хааж байж. 1947 онд хилийн манаанд гарахдаа дайсны амьд хэл барьж “Онц хилчин” цол хүртсэн байдаг. 1948 оны долдугаар сарын тэр тулгаралт чинь Ардын хувьсгалын 27 жилийн ой болох гэж байсан үеэр гарсан. Тэр үеэр хилийн зөрчил гарч магадгүй гэсэн болгоомжлол байсан учраас отрядаас хүч нэмэгдүүлж арван хүнийг долдугаар сарын 5-ны өдөр гаргасан юм билээ. Тэрнээс өмнө нь цөөхөн хүн гаргадаг байж. Тавны өдөр гарсан манай гурав хоног хилээ манасан. 8-ны өглөө үүр хаяарч байтал Байтаг Богдын Бүдүүн харгайтын голоос ус авч котелдоо цай чанаж байж. Хоёр нь харуулд гараад байснаа дайсан ирлээ гэж дохио өгснөөр юун цай уухтай манатай юм болж. Бүдүүн харгайтын голын усанд адууны нойтон хомоол урсаж ирж байсан нь дайсан этгээд ойрхон ирсэн байх магадлалтайг харуулж байж л дээ.

-Тэгээд цай цүй ч ууж амжилгүй л тулалдаж эхэлсэн юм байх даа?

-Улс төрийн орлогч Хаянхирваа байлдагчдаа гурав гурваар нь хуваан байрлуулаад Пэлжээ гуайг Тэгшээгийн хүрэн халзан морийг унуулан холбоо бариулахаар явуулсан юм билээ. Би хожим Хаянхирваа гуайтай зөндөө уулзаж байсан. Аав тэдний яриагаар өглөөний 08 цагт тулаан эхэлсэн байдаг. Хаянхирваа гуайд цаг байсан юм билээ. Бүтэн гурван цаг тулалдсан байдаг. Эхлээд дайсны тоо толгойг тоолтол 135-140 хүргээд тоогоо алдаж. Нөгөөдүүл нь байраа эзлээд давшаад байсан учир тоолохоо байхаас ч аргагүй болж. Аав эдэнд миномёт гэдэг буу ганцхан ширхэг байсан.

Тэгэхэд нөгөө талд их олон байсан гэдэг. Жамьян генералаас 1998 оны дөрөвдүгээр сард бичиж авсан дуртатгалд “Дайсны хүч тэнцвэргүй тулаанд гурван цаг барьж, зургаан хилчин газар дээрээ амь үрэгдэж, нэг нь холбоо барихаар явж, үлдсэн гурав нь байлдах чадваргүй болтлоо амь тэмцэн тулалдсан” гэсэн байгаа. Яагаад амь нь тэмцсэн гэхээр винтовных нь сум нь дуусан, тэр өдрийн нарны халууныг хэлэх үү, дарийн утааны тоос тортог хоолой ам руу нь ороод маш хэцүү байдалд орсон байдаг. Дайсны хамгийн гол зорилго нь амьд хэл барих зорилготой байж. Тухайн үед улсын хил тогтоогоогүй байсан юм билээ. Тиймээс наашаа болж л өгвөл хилийн постыг сунгах сонирхолтой байсан.

-Бүх сумаа буудаад дуусчихсан байж гэнэ үү?

-Бүх сум нь дуусаад ганц гранат л үлдсэн юм билээ. Хаянхирваа гуай, Гончигзэгвэ хилчин, аав гурав дайснууд шаваад ирвэл тэсэлье гээд аваад үлдсэн гэдэг. Дайснууд ч сум дууссаныг мэдээд барихаар дөхөж ирж. Хаянхирваа гуай “Өндөрлөг дээрээс харахад манайхан ирж явах шиг тоос татаж байсан. Бидэнд ч тийм горьдлого төрж байсан. Гэтэл нөгөө бараа алга болсон. Харин азаар манай нэг онгоц нисэж ирсэн. Тэр онгоц нисээд ирэхэд дайснууд цэргийн цогцос, буу зэвсгээ аваад зугтаасан” гэсэн. Хэрвээ тэр онгоц нисээгүй бол өнөөдөр би ч гэсэн ингээд ярьж суухгүй, тэр арван хүн юу болсныг ч мэдэхгүй өнгөрөх л байсан байх. Тэр ч бүү хэл дайснууд бүр наашаа орж ирээд Байтаг Богд гэдэг уул хилийн цаана үлдчихсэн ч байж магадгүй байсан юм билээ. Отряд дээр очсон шуудангийн онгоцыг л эргүүлээр нисгэсэн нь тэр. Отряд дээр гэхэд байлдааны бэлэн байдалд байгаагүй байсан юм шиг байгаа юм. Давхиад очиход бэлэн биш байсан учраас юу ч гэсэн онгоц нисгэсэн юм байна гэж ойлгогдсон.

Д.Чойжингийн гэр бүл. 1971 он

-Тийм аюултай тулгарсан танай аав болон Хаянхирваа, Гончигзэгвэ нарыг эх орноосоо бараг урвасан гэх хэрэгт далаад онд буруутгаж байсан гэл үү?

-Тэр байлдаан болсны дараа хамгийн анх очсон Жамьян генералын үгийг голтой юм байна гэж боддог. Жамьян генерал гурав хоногийн дараа сургагч оростойгоо очсон. Тэр орос нь зураг аваад үнэхээр хүч тэнцвэргүй тулгаралт болсон юм байна гэж дүгнэсэн юм билээ. Зонров нарын отрядын дарга нар нь маргааш нь очсон байдаг. Азаар л тэр онгоц очсоноор дайснууд зугтсан болохоос биш бүгд л амь үрэгдэх байж дээ. Бид чинь ааваас есүүлээ. Бидний энэ хорвоод ирэх хувь ерөөл л аавыг минь амьд мэнд үлдээж гэж боддог юм. Нөгөө үлдсэн ганц гранат нь ч дэлбэрээгүй юм гэсэн.

-Ёстой л ус уух хувь байж дээ?

-Хаянхирваа гуайн дурсамжинд энэ тухай тодорхой байгаа. Дайснуудынх нь шидсэн гранат ч бас дэлбэрээгүй гэсэн. Жамьян генерал шинжилгээ хийхээр ирээд “Энэ гранат дэлбэрсэн бол тулаанд орсон хүнээс нэг нь ч амьд үлдэхгүй байж” гэсэн байдаг. Онгоц, гранат хоёр дээр цэргийн шинжээчид их маргадаг. Далаад онд Цэдэн-Иш генерал нэг ном гаргаснаас хойш улам их маргалдах болсон. Байтаг Богдын тулгаралтын тавин жилийн ой 1998 онд боллоо. Тэр үед Хаянхирваа гуайн өргөмөл охин Алтанцэцэг бид хоёр Гончигзэгвэ гуайн цахилгаан станцт ажилладаг нэг хүүг олж аваад Ерөнхийлөгчид захидал бичсэн. 1988 онд Байтагт арван баатрын хөшөө босгосон тухай “Эх орны манаа” сонин дээр гарсан чинь л Цэдэн-Иш гуай чинь “Баатар цол горьдоод хэрэггүй” энэ тэр гээд янз бүрийн юм бичээд эхэлсэн. Хаянхирваа гуай чинь тэр үед хоолой нь хяхатнаад ярьж чадахаа больчихсон байсан учир надад хамаг юмаа бичиж өгсөн нь энд байна. (Жамьян генерал, Хаянхирваа нарын гар бичмэл баахан баримт үзүүлэв. сур)

-Дайнд орсон хүний сэтгэл санааны байдал их хэцүү байдаг гэдэг. Аав чинь тэр байлдаанаас биедээ шарх сорви авсан байв уу?

-Аав тухайн үедээ зүүн мөрнийхөө булчинг сэт буудуулсан шархтай байсан. Сумны сэтэрхий байдаг байлаа. Хамгийн гол нь улаан хоолойн түлэгдэлт. Жамьян генералын бичсэн зүйл энд байна. “Анх Батын Дулмааг хүмүүсээ аваад туслах хүчээр очиход амьд үлдсэн Хаянхирваа, Чойжин, Гончигзэгвэ гурав ярьж чадахгүй, ус балгаад залгиж чадахгүй хамраар нь гараад байсан. Энэ бол дарийн утаанд улаан хоолой нь түлэгдчихсэн байсан гэсэн үг. Нэг ёсондоо манай аав болон тэд бүгд улаан хоолойн хавдраар өнгөрч буйн учир энэ. Одоо ганц үлдсэн Хаянхирваа ярьж чадахгүй байгаа. Бүдүүн Харгайт гол дээр тэднийг авч очиж усанд толгойг нь дүрж баймааж ус залгисан” гэж бичиж үлдээсэн. Байдал ийм л байсан юм билээ. Амьд үлдсэн гурван хүн чинь гурвуулаа улаан хоолойн хавдраар өнгөрсөн. Отрядын штаб холбоочноос мэдээ аваад Бодончийн отрядын агаарт нисэх онгоц хөөргөсөн гэдэг. Энэ онгоцыг хөөргөсөн, хөөргөөгүй гээд одоо хүртэл маргаад байдаг юм билээ.

Жамьян генерал “Онгоц хөөргөхөд манай гурвыг барих гэж улайрч байсан дайснууд айн сандарч ухран зугтааснаар гурван хилчин амьд үлджээ” гэж бичсэн байгаа. “Дотоод яамны цэргийн хэрэг эрхэлсэн орлогч сайд бөгөөд Хязгаарын ба дотоодын цэргийн удирдах газрын дарга Жамьян миний бие өөрийн сургагч Сметанин болон бусад мэргэжилтэн офицеруудын хамт очиход алагдсан хилчдийн цус ч хатаагүй байсан юм шүү. Хоёр өдөр шинжлэн судлаад 43 цуст цэг илрүүлэн, чулуу босгон тэмдэг байсан юм” гэж гараар бичиж өгсөн нь энэ байна. Сургагч Сметянин зургийг авч, альбом хийн дарга нарт танилцуулж байсан гэнэ ээ. “Мөн Зонров, Жамьян нарын тус Хязгаарын газраас тус отрядад ажиллаж байсан мэргэжлийн олон офицер, бага дарга нарын хамт очсон. Тэгтэл энэ тулааны талаар Базарын Цэдэн-Ишийн ойлголт хачирхалтай. Холын холоос сурвалжтай мэт ойлгогддог гэж комиссын дарга Самбуу гуай хэлж байсан юм шүү” гэж асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг олныг тавин цохон тэмдэглэсэн байгаа биз.

Хилийн цэргийн штабт ажиллаж байгаад Гадаад яамны консулын даргаар очиж, улмаар Хятадад Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байгаад ирснийхээ дараа Байтагийн энэхүү тулгаралт мөргөлдөөнийг онцгойлон анхаарч, үйл явдлаас хорин жилийн дараа газар дээр нь очин амь эрсдэгсдийг нь гавьяатан, амьд үлдэгсдийг нь урвагч хохирогч болгосон. Энэ бол гүтгэлэг. Үүнийг ард түмэн олон баримтаар нотолсон. Одоо та нарын гол зорилго бол Ерөнхийлөгчид захидал бичих” гэж бидэнд ерэн найман онд бичиж өгч байсан. Жамьян гуайнх Мэргэжилтний хорь буюу “Мөнгөн завьяа” дэлгүүртэй байрны хоёрдугаар давхарт байлаа. Арвай генерал эдэнтэй уулзаад бид их хөөцөлдсөөн. “Танай аавууд баатрууд шүү” л гэдэг байсан. Хэзээ нэг цагт цагаадна шүү гэж байлаа.

-Эх орныхоо төлөө тулалдчихаад урвагч гэж хэлүүлэхээр ч хэнд ч гунигтай л түүх юм даа?

-Үнэхээр хэлмэгдсэн. Аав маань цэргээс халагдаж ирээд ээжтэй 1950 онд суугаад арван нэгэн хүүхэд төрүүлсэн. Хоёр нь багадаа бурхан болж, есөн хүүхэд нь хүн болсон.


Categories
мэдээ цаг-үе

З.Байгалмаа: Улсдаа алдартай олон хүн “Эрдмийн өргөө” цогцолборын төгсөгч

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал, үндэсний сургагч, зөвлөх багш Зоригтын Байгалмаатай уулзаж ярилцлаа.


-Та хэд дэх жилдээ багшилж байна. “Эрдмийн өргөө” цогцолборын захирлаар ажиллаад удаж байна уу?

-Би Эрхүүгийн Багшийн дээд сургуулийг 1984 онд төгсөж ирснээс хойш боловсролын байгууллагад тасралтгүй 34 жил ажиллаж байна. Багшийнхаа ажлыг хорин жил хийгээд түүнээс хойш сургалтын менежер, захирлаар ажиллаж байна. Яг энэ сургуульдаа 32 дахь жил болж байна. Нийслэлийн 43 дугаар, 56 дугаар гэсэн хоёр сургууль байлаа. 43 дугаар сургууль нь 1970 онд бага сургууль болон, 56 нь 1974 онд тус тус байгуулагдаад X хороолол үүсэхэд хоёр дунд сургууль болсон. Азийн хөгжлийн банкнаас боловсролын бүтцийн өөрчлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хоёр сургууль нэгдэж “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль бий болсон. Цогцолбор сургууль болсны хорин жилийн ой энэ жил тохиож байна.

-“Эрдмийн өргөө” цогцолборынхон ойдоо зориулж юу бүтээж байна?

-Манай сургуульд энэ хичээлийн жилд 95 бүлэгт 4052 хүүхэд сурч байна. Улсын хэмжээнд гурван ээлжээр хорин сургууль хичээллэж байгаагийн нэг нь манайх. Ой угтах ажил есдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Гучин жил болсон сургуулийн 00, хашаа гэдэг хүнд асуудал. “Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй” гэсэн стандартыг хангаж чадахгүй байгаа. Тиймээс энэ хоёр том ажлыг шийдье гэсэн зорилго тавьсан. Хоёр сургуульд нийт 28 жорлон байдаг юм. Хүүхэд ариун цэврийн аятайхан үйлчилгээ авчихдаг болчихвол тухтай байна. Хашааны хувьд хэн дуртай нь даваад, нохой хүртэл орж ирээд хүүхдэд аюултай байдал үүсгээд байгаа. Үүнийг нэг цэгцэлье. Эцэг эхчүүдийн туслалцаа дэмжлэг ч их нэмэр болж байна. Багш, ажилчид, төгсөгчид маань ойгоо угтаж эрвийх дэрвийхээрээ л зүтгэлээ. Шоу цэнгүүн, найр хурим гэхээсээ илүү бүтээн байгуулсан, орчноо тохижуулж, цаашид ажиллах сургуулийн нөхцөлөө сайжруулахад л анхаарлаа. Сурагчдын хувьд онцолж нэг хүүхэдтэй биш нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцуулахыг их хичээж ажилладаг.

Дөрвөн мянган хүүхдэд яаж хүрч ажиллах вэ гэдгийг л манайхан бодож ажилладаг. “Эрдмийн өргөө” сургуульд маань 2018 онд өргөтгөл баригдаж 2019 оны есдүгээр 1-нд түлхүүр гардуулах болзолтой тендер зарлагдах болсон. Хичээлийн гурван байртай болчихвол багш нарын болоод хүүхдийн хөгжил яригдаж эхэлнэ. Одоо гурван ээлжтэй болохоор яг үнэндээ ачаалал ихтэй, нэг ангид байх хүүхдийн тоо 60 гарч байна. Хууль ёсоор нэг ангид 30-35 хүүхэд сурах ёстой шүү дээ. Ийм нөхцөлд би багшаас сурлагын чанар нэхэж чадахгүй байна.

-Танай сургуулийн найрал дууны хамтлаг улсын хэмжээнд их алдартай шүү?

-Найрал дуунд олон хүүхэд хамрагддаг. Хүүхдийн амьд хоолой гэдэг гайхамшиг байдаг. Соёлын тэргүүний ажилтан, Нийслэлийн шилдэг удирдаач багш Лхагвын Отгонцэцэгийн удирддаг манай сургуулийн найрал дууны хамтлаг сүүлийн найман жил улсад дандаа дээгүүр амжилт гаргалаа. Гуравдугаар ангиас арванхоёрдугаар ангийн 180-аад хүүхэд найрал дууны дугуйланд хичээллэдгээс 120-иод нь уралдаан тэмцээнд оролцдог. Өнгөрсөн жил “Миний Монгол” дуугаар улсын уралдааны тэргүүн байр эзэлсэн. Найрал дуунд акустик орчин их хэрэгтэй байдаг. Найрал дуу ганц багшийн ажил биш. Манай хамт олны нэг сайхан чанар нь дандаа багаар ажилладаг. Хувцас хунар жигдрэх, хүүхдээ цуглуулах гээд бүхий л ажилд манай багш нар багаараа ажиллаж байж ийм амжилт гаргаж байгаа. Хүүхдүүдээ сургалтынх нь орчны хүрээнд аль болох л секц дугуйланд хамруулдаг ч гурван ээлжтэй болохоор багш, сурагчидгүй хагас, бүтэн сайн өдөр ч сургууль дээрээ өнждөг дөө. Багш нарт дугуйлан хичээллүүллээ гээд нэмэгдэл цалин байдаггүй ч түмний хүүхдийн төлөө сэтгэл зүрхээрээ л ажиллацгааж байна даа. Багш нарын цалин үнэндээ бага шүү дээ. Шинэ төгсөж ирсэн багш чинь 550 мянган төгрөгөөс татвараа төлөөд гар дээр нь дөрвөн зуугаад мянган төгрөг л очдог. Тэрийгээ хоёр хувааж аваад “ХААН” банкны зээлдээ өгчихөөр гар дээр нь бараг юм үлдэхгүй шүү дээ. Цайны газраасаа ч зээлээр л хооллоно. Багшийн ажлыг мөн чанартаа сэтгэлтэй л хүмүүс хийж байна даа.

-Танай сургуулийн бахархал болсон хэн хэн гэж багш нар ажиллаж байв?

-Эл хоёр сургуулийг удирдаж явсан Нацагдорж, Мягмарсанж, Ламжав, Чулуунбаатар, Баасанжав, Цэрмаа нарын мундаг хүмүүс байлаа. Монгол Улсын гавьяат багш Лхагва, Гоошоохүү нар байна. Манай багш нар их сургууль амьтай, цэвэр цэмцгэр хүмүүс байдаг. Гавьяат багш Цэрэнханд гэж гайхамшигтай хүн бидний дунд ажиллаж байлаа.

-Алдартай төгсөгчид олон байгаа биз?

-Саяхан төгсөгчдөө хүлээж авахад бахархмаар хүн олон байна. Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн хоёр хүүхэд манай төгсөгч. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч Анужин, кекүшюзан Д.Батбаяр, Олон улсын хэмжээний мастер Мияарагчаа, Хэрлэн, “Хасын хүлгүүд”-ийн тоглогч, сагсан бөмбөгийн олон улсын хэмжээний мастер Билгүүн, “3х3”-т тоглодог Энхбатын Дөлгөөн, “Эко сургууль” олон улсын хөтөлбөрийн захирал Тэмүжин нар манай сургуулийг төгсчээ.

-Улсын олимпиад тэмцээнд багш, сурагчид аль хэр амжилт гаргаж байна?

-Улсын олимпиадад биолагийн багш Ариунаа, сурагчтайгаа хоёул дэд байр эзэллээ. Англи хэлний багш нартаа онцгойлон анхаарч АНУ-аас сургагч зөвлөх багш урьж хоёр жил ажиллуулсны үр дүн гарч англи хэлний олимпиадад багш, сурагчид маань амжилт үзүүлж эхэллээ. Жудо бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Баярцэцэг маань “Олимпийн танхим” хариуцан ажиллуулж байна. Манай энэ танхим МҮОХ-ны “Бөртэ чоно” шагнал хүртсэн.

-Танай багш ажилтнууд таныг мундаг удирдагч гэж их хүндэтгэх юм аа?

-Аливаа ажил чинь юу хийлгэх гээд байгаа нь тодорхой, юу хийснийг нь яаж үнэлэх нь тодорхой, үнэлсэн хойноо яаж урамшуулах нь тодорхой болохоор хүн сайн ажилладаг. Багш нарыг урамшуулах илүү төсөв байхгүй ч өөрийн сургуулийн нөөц бололцоог дайчилснаар болгож л байна. Манай сургууль сайхан хөлбөмбөгийн талбайтай. Үүнийгээ зуны гурван сар түрээсэлж цугласан мөнгөөрөө тухайн хичээлийн жилд хамт олноо хошуучилж тэргүүлсэн багаа гадаадад аялуулна. Хоёроос дөрөвдүгээр байрт орсныг нь дотооддоо аялуулдаг. Багш нараас нэг төгрөг ч зарцуулахгүй сургуулиас аяллын зардлыг зуун хувь даачихаар багш нар маань их урамтай байдаг. Сургуулийн дэргэд баригдсан орон сууцанд 65 багшаа найман хувийн зээлд хамруулж оруулсандаа баяртай байдаг. Тэд маань ажил дээрээ оройтох үед цонхоороо харчихаад “Багш аа, та хариагүй байгаа юм уу. Оройтчихлоо. Орж ирж хоол ид” гэх ч энүүхэнд шүү. (инээв. сур)

-Багш нар чинь бүгд л ижил хувцастай харагдсан. Ямар учиртай бол?

-Манай сургуулийн багш нар дүрэмт хувцас өмсөж хэвшээд арван жил болж байна. Дүрэмт хувцасны ач тус их бий шүү. Багш маргаашийнхаа өмсөх хувцсанд ач холбогдол өгөөд санаа зовоод байхгүй учир нийгмийн асуудалд нь бага ч гэсэн хувь нэмрээ өгнө. Хамгийн гол нь эмх цэгцтэй харагддаг. Манай багш нар дүрэмт хувцас өмсөж эхэлсэнээс хойш бусад сургуулиуд санаа авч өмсөж эхэлж байна. Дүрэмт хувцсыг багш нарт өмсүүлэхэд бас учир бий. Сургуульд нийт 186 багш, ажилчид ажиллаж байна. Захирал өөрөө дүрэмт хувцсаа өмсөөгүй байж бусдыг өмс гэж шаардах утгагүй шүү дээ. Тиймээс би өөрөө хувцсаа байнга өмсдөг юм. Манай хамт олны бас нэг бахархах зүйл бол цаг сайхан баримтална. Аливаа ажлыг цагаар л дандаа ярина. Өглөө багш нар маань бүгд 07.40 цаг гэхэд ирчихсэн байна. Сурагчид 07.50 гэхэд ирсэн байх ёстой. Саяхан би цагийн менежмент тал дээр судалгаа хийж үзэхэд бусад сургуулийнхаас манай хүүхдүүдийн хоцролт маш бага байна. Сургуульд хонх дуугараад байдаг чинь маш их учиртай юм шүү. Амьдрал дээр цаг хугацаандаа амжиж юмаа хийдэг төлөвшил сууна гэдэг хүмүүжил. Цаг хугацаа барина гэдэг юмыг эмх цэгц, дэг журамд оруулдаг. Одоо манайд чинь цагтаа эхэлдэг хурал цуглаан, тоглолт үзвэр алга. Хаана хаанаа цагаа бариад сурчихвал хөгжил болчих гээд байх шиг санагддаг. “Багш аа, надад авьяас бий” тоглолтын хөтлөгч, улсдаа нэртэй хүн таван минут хожигдоод бүр хүнд цохилтод хүртэл орж байсан шүү.

-Бусад сургуулиас авах туршлага их байна биз?

-Үндэсний сургагч, зөвлөх багшийнхаа шугамаар 21 аймагт очиж сургалт семинар зохион байгуулж иржээ. Хөдөөгийн сумын сургуулиас хүртэл сайхан санаа туршлага олдоно шүү. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Зүүн бүсийн багш нарын сургалт зохиогдсон. Түмэнцогтод Монгол Улсын гавьяат багш Оюун гэж газар зүйн мундаг багш ганцаараа шахуу сургуулиа битүү ногоон төгөл болгосныг хараад сургуульдаа хэрэгжүүлсэн. Манлайлагч байж л хүнээ хөдөлгөнө. Тиймээс өөрөө эхэлж цэцэг тарьж эхэлсэн. Одоо манай багш нар цэцэг их тарина.

-Сурагчдынхаа таашаалд нийцсэн аялал зохион байгуулдаг гэж сонссон юм байна?

– Танхимд олсон мэдлэгээ байгалийн орчинд, амьдрал дээр яаж хэрэгжүүлж байна гэх үүднээс “Байгаль дахь сургалт” хичээл явуулдаг юм. Энэ бол манай сургуулийн бас нэг гол ажил. Давхардсан тоогоор нийт 211 анги, 1284 багш, 7700-гаад хүүхдийг байгальд аялсан байна. Өнөөдөр аль нэг аялалд гарлаа гэхэд хичээл заах багш нар нь цуг явах замдаа хичээлээ заана. 45 хүний нэг автобус, дөрвөн гэртэй. Анх Хэрлэнгийн Хөдөө аралд аялж байсан. Түүхийн багш маань “Монголын нууц товчоо”-ноос л эшлээд яриад байдаг газар орондоо хичээл заах үнэхээр амьд, сэтгэл догдолмоор байлаа” гэж өгүүлж байсан. Газар зүйн багш маань “Өдрийн цагаар ангид алтан гадас од хойд зүгт байдаг” гээд яриад байдаг.

Нөгөө од нь ч хаана байдгийг хүүхдүүддээ зааж чаддаггүй. Харин аяллаар явахдаа одоо хараад хичээл заана гэдэг гайхамшиг байна” гэж ярьсан. Хүүхдүүд гэрээ өөрсдөө барина. Байгальтай танилцана. Хүүхэд хамт олонтойгоо дотно танилцдаг. Нийт 17 чиглэлд аялах маршруттай. Хоёрдугаар ангиас арванхоёрдугаар ангийнхан хамрагддаг. Аялна гэхээр л манай хүүхдүүдийн нойр хүрэхээ больчихно. Санал хүсэлтийн хайрцагт “Захирал аа, энэ жил хаашаа аялах вэ” гэсэн асуулт их ирнэ. Тавдугаар сарын 1-нээс ангиуд хуваарийн дагуу явна. Цаг агаар болон байгалийн хүчин зүйлүүдийг бүгдийг нь харгалзан үзэж явна даа. Аяллаас ирэхэд ангийн уур амьсгал дотносч, багш нар хүүхдээ сайн сайхнаар мэдэрч ирдэг. Хамгийн гол нь бид байгальд ээлтэй аяллыг зохион байгуулдаг. Гэрээ аль болох хог хаягдал ихтэй газар хэргээр барьчихна. Аялал дуусахад тэр орчин маш цэвэрхэн болно доо. Хүүхдүүдээс бээлий, хогийн уут, амны хаалт, цэвэр устай ирэхийг л зөвшөөрнө. Тэрнээс хүүхдүүдийг хоол унд авчрахыг хориглоно. Хоол ундаа бүгд нэгдсэн журмаар бэлтгэнэ. Хүүхэд болгон хоол унд авчрахаар баян, ядуугийн ялгаа гардаг байхгүй юу. Аяллын газартаа очоод гал дээр хийсэн халуун хоолонд хүүхэд хэзээ ч хорддоггүй. Харин гэрээсээ авч гарсан янз бүрийн юм хольж идээд, элдэв жүүс ундаа уучихаар л хүүхэд хордлогонд ороод байдаг. Цэвэр ус дангаар уусан хүн хордохгүй шүү. Налайхын уурхайтай танилцах аялал зохиож байлаа.

-Хүүхдүүд аяллаас их зүйл сурч мэдэж авдаг юм байна даа?

-Хүүхдүүдэд “Монголдоо хайртай” гэдгээ яаж мэдрүүлэх вэ гэсэн миний нэг мөрөөдөл байдаг юм. Эх нутгаа яаж хайрлах ёстой юм гэхээр ядаж тэр уул усыг нь цэвэрхэн байлгаг л дээ. Сүүлийн найман жил аялуулжээ. Өнгөрөгч намар гэхэд Ноён ууланд аялсан. Дараа нь аяллынхаа талаар сэтгэгдэл, эсээ бичдэг. Аялалд хорьдог зүйл бий. Миний хувьд аялах тусмаа гэдэс гүзээгээ сойх ёстой. Идэж уух тусмаа л байгалиа бохирдуулна гэдгийг манай сурагчид сайн мэднэ. Аялалд анги авч яваа бүх багш нарыг үүрэгжүүлж, удирдлагаар хангаснаар ямар нэгэн бэрхшээл тулгардаггүй. Их газрын чулуу, Бага газрын чулуу, Цонжин болдог, Чойрын богд, Сэлэнгийн Сайханы хөтөл гээд манайхан аялаагүй газар ховорхон.

-Танайд уламжлал болон тогтсон өөр ямар ажлууд зохиогдохов?

-“Эцэг эхийн нэг өдөр” байна. Ээж аав нь нэг өдөр хичээлд сууж сургуулийн орчинтой танилцана. Урилга хүлээж авсан ээж аав нь хүүхдийнхээ цүнхийг үүрч ирээд бүтэн өдөр хичээлд нь сууна даа. Эцэг эхчүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээнийг арван нэг дэх жилдээ зохиож байна. 95 бүлгийн эрэгтэй, эмэгтэй баг авьяас чадвараа сорино. “Багш аа, надад авьяас бий” тоглолтыг “UB palace”-д гурван ч удаа зохион байгуулсан. Хүүхэд нэг бүрийн авьяасыг нээж тайзнаа гаргасан. 2017 онд тайзнаа 3556 сурагч, 172 ажилчид, урлагийн 42 номер үзүүлсэн. “Эрдмийн өргөө” цогцолборынхоо 20 жилийн ойд зориулж энэ сарын 21-ний өдрийн 12 цагт МҮЭСТО-д “Багш надад авьяас бий” тоглолтыг хийх гэж байна даа. Багш, ажилчдын 186 хүний найрал дуу дуулна. 21 ятгачин тоглож, 21 бүжигчин бүжиглэнэ.