Categories
мэдээ цаг-үе

Хаянхирваагийн Алтанцэцэг: Аав минь шашин номоор хүмүүжсэн зөөлөн сэтгэлтэй хүн байсан

МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХИЛ БАЙТАГ БОГДЫН ТУЛГАРАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД


БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, ахлах дэслэгч Г.Хаянхирваад Байлдааны цусан гавьяаны улаан тугийн одон гардуулав

Дэлхийн хоёрдугаар дайн дуусаж, хүн төрөлхтөнд энх амгалан цаг айлчлан ирсэн ч НҮБ-д ч элсэж амжаагүй Монгол Улсын хувьд хил хязгаар үргэлжид түгшүүртэй байв. Тэр л үед өөрсдөөсөө арван тав дахин их зэвсэгт хүчинтэй дайсантай тулгарч алтан амиа өргөж, ариун цусаа өгөн эх орныхоо сөөм газрын төлөө тулалдсан Байтагийн арван баатрын түүхийг бид хэзээ ч мартаж үл чаднам. Ай, ямархан аавын хөвүүд тэгж ард үлдсэн бүхнээ огоорон ард олныхоо төлөө амиа өгдөг байнам даа. Байтаг Богдын тулгаралтад есөн дайчнаа удирдан эрэлхэг тулалдсан Хилийн 24 дүгээр отрядын аравдугаар заставын улс төрийн орлогч, дэслэгч Гомбожавын Хаянхирваагийн охин Алтанцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.


Х.Алтанцэцэг

-Монголын ард түмэн “Байтагийн арван баатрын домог”-ийг бүгдээрээ мэднэ. Таны аав Г.Хаянхирваа тэр есөн баатрыг удирдаж явсан хүн дээ?

-Миний аав Гомбожавын Хаянхирваа 1921 онд хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу, одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Намнан уулын өвөр Арслан толгой гэдэг газарт төрсөн гэдэг. Эцэг Сосорбурам нь тайж хүн байсан учир өвөг Гомбожаваараа овоглосон байдаг. Эх нь Цэрэнчимэд гэж малчин хүн байсан. Аав маань эцэг эхээс есүүлээ, айлын хоёр дахь хүүхэд. Зулай дээр нь гишгэж төрсөн ах нь Загдаа. Дүү нар нь Хишигт, Дуламсүрэн, Дугар, Загдаасүрэн, Дэлгэрэх, Чулуун, Наваан гэж хүмүүс байлаа. Аав маань бага насаа эцэг эх, дүү нартайгаа өнгөрөөж, Намнан уулын хүрээний хамба лам, нагац ах Дамдин гавжид долоохон насандаа шавилан 18 нас хүртлээ шавилсан түвд, монгол бичигтээ гарамгай хүн байсан юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд шашны өндөр боловсролтой, нүгэл буяныг гүнээ ойлгосон лам хүн л байхгүй юу даа. Аав минь шашин номын талаар ил цагаан яриад байхгүй ч аливаад сэтгэлийн тэнхээтэй хүн байсан. Аавын нутгийнхан мал маллахаас гадна шар будаа тарьдаг байж. Аав багаасаа л энэ төрлийн ажлыг хийдэг байсан юм билээ.

-Аавын тань энгийн амьдралын намтрыг мэдэх хүн цөөхөн. Хамгийн гол нь Байтаг Богдод юу боллоо гэж харах хүн олон. Буун дуу тасраагүй дайны утаа суунаглаж байсан тэр л жилүүдийн тухай юу хуучилдаг байв?

-БНМАУ-ын Халхын голд болсон 1939 оны дайн, 1941-1945 онд болсон дэлхийн хоёрдугаар дайны ялалт зарим улс орны эрх ашигт нийцээгүй нь анзаарагддаг. Эзлэн түрэмгийлж колоничлох байдлаа хадгалж үлдэх нь их гүрнүүдийн амин чухал асуудал байж. Хятадад Ардын чөлөөлөх арми ялалт байгуулахын эсрэг гоминдан, хасгийн дээрэмчин Оспаны оролцоотой Шар сүмийн районд тагнуулын хэд хэдэн отряд байгуулан, тэднийг зэвсгээр хангаж америкийн мэргэжилтнээр удирдуулан хичээллүүлж бэлтгэсэн байдаг. Эдгээр дээрэмчид Монгол Улсын баруун хилийн амгалан тайван байдалд мөнхөд заналхийлж байв. Зөвхөн 1947-1950 оны хооронд хилийн зөрчил тулгаралт, байлдаанд манай 240 гаруй хүн эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооны төлөө алтан амиа алдсан байдаг.

-Та бид хоёрын яриа түүхийн албан ёсны хуурай цөл рүү даялаад байх шиг санагдах юм. Хамгийн гол нь аавын чинь тухай ярих гэсэн хэрэг шүү дээ?

-Мэдэж байна аа. Байтаг Богдын тулгаралт жирийн нэг жалгын толхилцоон биш байсныг л хэлэх гэж эгч нь ийн улиглаад байгаа хэрэг. Би аавынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж “Эх орны төлөө зүтгэе” гэсэн дурсамж номыг энэ онд хэвлүүлсэн. Амьд ахуйдаа үгэн-суман сийчүүлсээр сэтгэлийн зовлонтой буцсан аавынхаа гэгээн сүнсийг баярлуулах гэсэн юм. 1948 оны долдугаар сарын 8-нд гоминданы 170 гаруй зэвсэглэсэн дээрэмчдийн эсрэг манай арван хилчин тулж байлдан ялсан түүхэн үйл явдлыг бодохоор сэтгэл шимширмээр санагддаг. Эгч нь энэ номоо сэтгэл зүрхний хөөрлөөр биш, дан түүхэн баримтад түшиглэн бичсэн. 170 дайсан болоод есхөн хүнийг харьцуулаад бодохоор тэд манайхнаас арван тав дахин их байсан байдаг. Энэ хилийн манааны ахлагчаар томилогдон ажиллаж байсан миний аав, ахлах дэслэгч Г.Хаянхирваа цэргийн амьдралтай хэрхэн холбогдсоныг дурдвал 1939 онд цэрэгт татагдаж Улаанбаатар хотод ирээд, 1940-1943 онд Цэргийн төв сургуульд суралцан төгсөж, улмаар 1943-1946 онд Сүхбаатар аймгийн Олон булгийн, Дорнодын Чоно голын заставт улс төрийн орлогч, 1946-1948 оны дунд үе хүртэл Халхын голын Сүмбэрийн долдугаар заставын улс төрийн орлогчоор, 1948 оноос Байтаг Богд, Бүдүүн Харгайтад байх Дамжигийн усанд байрлах заставт улс төрийн орлогчоор тус тус ажилласан байдаг. Аав Дорнодын Чоно гол, Халхын голын хилийн заставт ажиллаж байхдаа “Онц хилчин”-ээр тодорч байсан хүн дээ.

Зүүн гараас урд эгнээ Г.Хаянхирваа, хүү Баатархүү, эхнэр Ажаахүү Арын эгнээнд охин Алтанцэцэг, дүү Түмэндалай

-Аав тань тэр хилийн манааны ахлагчаар томилогдсон байсан гэл үү?

-Монгол Улсын баруун хилийн хамгаалалтыг чангатгах зорилгоор шилэгдсэн хилчин дайчдыг зүүнээс баруун руу шилжүүлэхэд аав хамрагдан 1948 оны тавдугаар сард Ховд аймгийн Булган сумын Байтаг Богд Дамжигийн усанд байрлах хилийн заставт шилжин ирж ажилласан юм билээ. Аав маань газар орны байдалтай танилцахын зэрэгцээ элстэй хайрцаг хиймэл дүрсэн дээр хилчдийг хаана, яаж байрлуулах, ээлжээр яаж амраах, хэрэв дайсан тулгарвал хэрхэн цохилт өгөх, ар талын нэмэгдэл хүчтэй ямар дохио зангаагаар харилцах зэрэг сургалтыг сумангийн дарга ахмад Мадригийн хамт судалж байсан гэдэг. Аавын удирдсан арван хилчдийг манаанд гарахын урд өдөр буюу 1948 оны долдугаар сарын 5-ны өдөр дайсны 20-иод морьтой цэрэг хилд ойртон ирж үүнээс дөрвөн хүнтэй тагнуулын хэсэг манай хилийн постын байранд 200-300 м ойртон тагнаж байгаад буцсан тухай мэдээг хүлээн авсан байдаг. Энэ цаг үе нь улсын баяр наадам ойртож байсан цаг үетэй давхцаж байсан зэргээс шалтгаалж хилийн постыг хүч нэмэгдүүлэн офицероор ахлуулах даалгаврыг дээд удирдлагаас сумангийн дарга ахмад Х.Мадригт үүрэг өгсөн гэдэг. Аав баруун хилд ирэхээс өмнө Халхын голын Олон булгийн сумангийн харьяа Сүмбэрийн заставт ажиллаж байхад сумангийн дарга Х.Мадригтай ажиллаж байсан байдаг. Иймээс ахмад Х.Мадриг ажлын туршлагыг харгалзан итгэл хүлээлгэн эгзэгтэй үед хилийн манааны ахлагчаар аавыг томилсон юм билээ.

-Ямар шийдвэрээр томилсон байдаг бол?

-1948 оны долдугаар сарын 6-нд заставын даргын тушаалаар аавын удирдлагад тасгийн дарга Б.Гиваан, хөнгөн пулемётын наводчик Б.Тэгшээ, байлдагч Л.Даваадорж, Н.Дандархайдав, Б.Баян, Ч.Пэлжээ, Ч.Гончигзэгвэ, Д.Чойжин, Э.Архад нарт хүч нэмэгдүүлсэн хилийн постын үүргийг гурван хоног гүйцэтгэх үүрэг даалгавар өгсөн байдаг. Эд нар тус бүрдээ 120 сумтай винтов, хоёр ширхэг гранаттайгаас гадна дундаа нэг хөнгөн пулемёт авч явжээ. Дайсан нэвтэрч болзошгүй гэж үздэг байсан Бүдүүн Харгайтын голын адаг хэсгийг долдугаар сарын 6-7-ны шөнө боож, отож хянаж хоножээ.

-Тулгаралтын эгзэгтэй мөч хормын тухай аав чинь юу гэж ярьдаг байв?

-Долдугаар сарын 8-ны өглөө долоон цагийн орчим Б.Тэгшээ, Б.Баян хоёрыг хилийн постондоо үлдээж бусад хилчид цайгаа чанах гэж байтал “Дайсан ирлээ” гэдэг дохиог хүлээн аваад бүгд санд мэнд галаа унтрааж постын өндөрлөгт очиж байраа эзлэхэд Бүдүүн Харгайтын голыг уруудан 20 орчим морин ачаанд зэр зэвсэг ачсан 170 гаруй, рот орчим цэргүүд гол уруудан ирж яваа харагджээ. Эд бол Мэргэн ууланд бут цохигдсон 22 дайчныхаа өшөөг авч амьд хэл баривчлах зорилгоор “баатар” хэмээгдсэн Манатаар гэдэг хүнээр ахлуулсан 170 орчим цэргийг Сантуха тосгон дахь хуарангаас явуулж байсан байдаг. Эдгээр дээрэмчид Америкийн зэвсэг техникээр иж бүрэн зэвсэглэсэн байж. Дайсан уулын цаанаас далд хараагаар бууддаг 50-75 мм-ийн миномёт 4, хүнд пулемёт 2, хөнгөн пулемёт 6, винтовын бөмбөг буудагч хоёртойгоос гадна хүн бүр Америкийн хутган жадтай винтовоор зэвсэглэсэн байсан тухай зэвсгийн шинжээчид тогтоосон байдаг. Зэвсэглэсэн дайсан хилд тулж ирээд өдөөн хатгаж байгаад буцах тохиолдолд манай хилчид хэт давуу хүчний эсрэг эхэлж гал нээж дайн өдөөхгүй байх зарчим баримталдаг байсан юм билээ. Манай улсын хилд ихээхэн хэмжээний хүн хүч зэр зэвсэгтэй дайсан тулж ирэн дайн өдөөх болсон шалтгаан нь манай хилчдийн байлдааны арга техник хүн хүч үзэл санааны байдлыг сорин танихын зэрэгцээ мөн оны зургадугаар сарын 2-6-нд Мэргэн ууланд болсон тулгаралтад манай дайчдад бут цохигдсон дайсны талын шилдэг гэгддэг 22 хүнийхээ өшөөг авах мөн амьд хэл олзлох, боломж гарвал газар нутгаас тасдан эзэмшин хяналтаа тогтооход давхар чиглэгдэж байсан гэдэг. Энэ удаа манай хилчдээс 12-15 дахин илүү хүн хүч, зэр зэвсэгтэй зэвсэглэсэн дайсан манай улсын хилд тулж ирээд ачаа бараагаа буулгах хандлагатай болсон тул дайн өдөөх нь гарцаагүй болсон байна. Иймээс аав маань хүчээ дайны үеийн зохион байгуулалтад оруулж, дайчдаа хуваарилсан байдаг.

-Тэгээд яасан бол?

-Хилчин Ч.Пэлжээг морьдын хамгийн сайныг шилж унуулан 36 км-ийн зайд байрлах ар талд яаралтай холбоо барихаар явуулах, Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарыг баруун хойд талын өндөрлөгийг эзлэн байрлах, Д.Чойжин, Н.Дандархайдав, Л.Гочингзэгвэ нарыг зүүн талын өндөрлөгийг эзлүүлэн байрлуулахаар тогтжээ. Энэ хоёр өндөрлөгийн голын онинд командын удирдлага болох аав, Б.Баян нар байрласан байгаа юм. Э.Архад ар талын хэвгийд морь барьж хамгаалахаар болсон байна. Хилчдийг таран байрлахаас өмнө ахлах дэслэгч Г.Хаянхирваа дайчдадаа хандан хэлсэн үгийг хамт байлдсан Д.Чойжин 1948 оны долдугаар сарын 27-нд өгсөн ярилцлагадаа “Айх хэрэггүй, сумаа гамнасугай, харин түргэн групп удаж магадгүй. Сум дуусвал гранатаа өөр дээрээ тэслэх хэрэгтэй” гэхэд, бүгдээрээ “За мэдлээ” гэж хэлээд гурван толгойг эзлэхээр болж бэлхэнээ болсон” гэсэн байдаг. Зэвсэг техник, хүн хүчний давуу байдалдаа эрдсэн дайсан гал нээх тушаал өгөх тэр агшинд хилийн манааны ахлагч Г.Хаянхирваа улаан пуужингаар гал нээх тушаалыг дайчдадаа өгсөн байна. Дайсны эхний цохилт манай холбоочныг саатуулахад чиглэгдэж байсан боловч хамгийн сайн сургуультай Баянбалын Тэгшээгийн хүрэн халзан морийг унасан Ч.Пэлжээ дайсны суман мөндрөөс гарч асга, хад, гуу жалга, атираа, нугачаа ихтэй 36 км-т байрлах ар талд холбоо барьж чадсан түүхтэй. Энэ дайны дараа хүрэн халзан морийг дархалсан гэдэг.

-Байлдааны үйл явцын тухай аав тань ярьдаг байв уу?

-Байлдаан эхэлж байх тэр үед манай дайчдын хөнгөн пулемётын дуу тасралтгүй тачигнаж, винтовын мэргэн галд дайсан хиар цохигдон байх тэр агшинд Байтаг Богд Бүдүүн Харгайтын голын лус савдаг эзэн нь эрэлхэг дайчдынхаа эр зоригийг бахархан бас өрөвдөн байрлаж байсан болов уу гэж аав минь дурсан ярьж байсан. Байлдаанд хилчин Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Гиваан нар сумаа дуустал эр зоригтой байлдаад олон удаа шархдаж эгзэгтэй үед өөрсөд дээрээ гранат тэсэлж, барихаар тойрон ирсэн дайсныг устган алтан амиа эх орондоо өргөсөн байдаг. Байлдагч Л.Дандархайдав байлдааны явцад хэд хэдэн удаа шархдан байраа өөрчилж байлдаж байсан боловч хүч тамир нь буурахад дайсан түүнийг амьдаар нь барихаар ойртоход дайснаас өрсөж өөрийгөө буудаж, цугласан олон дайсны өмнө эх орон газар шороо, аминаас үнэтэй байсныг харуулж чадсанаараа тэдэнд сэтгэл зүйн том цохилт өгч байсан гэдэг. Л.Дандархайдав маш сайн ухуулагч байсан бөгөөд зүүн хязгаараас манай аавын хамт шилжиж ирсэн байсан юм билээ. Хилийн манааны ээлж болоогүй байхад өөрийн саналаар манаанд гарч байсан гэхээр ямар гайхамшигтай эр зоригтой хүн байсан нь мэдэгддэг. Байлдагч Б.Баян дайсны өөдөөс нилээн сайн эсэргүүцэн байлдаж байсан боловч тулалдааны явцад шархдан буу нь гацаж хүндрэл учирснаас аргагүй давуу хүчинд автан дайсны суманд оногдож амиа алдсан юм билээ.

-Дайн гэдэг ч хүн хүсэхээргүй зүйл гэдэг нь тодорхой доо?

-Байлдаан эхлэхээс өмнө нам гүм, тайван байсан орчинд буун дуу тачигнан хад чулуу нүргэлэн цуурайтахад зогсоолдоо байсан манай морьд догшрон цовхорч, тал тал тийшээ зүтгэлэхэд хилчин Э.Архад эр чадлаараа тогтоох гэж үзсэн юм билээ. Энэ үед манай холбоочин Ч.Пэлжээ морио унаад хяр давж байгааг харсан дайсан энэ зүгт галын хүчээ төвлөрүүлснээр морьдыг хянахын зэрэгцээ байлдаж байсан хилчин Э.Архад дайсны суманд оногдож амиа алдсан нь гунигтай. Тэмцэлдэн байлдаж байгаа хоёр талын галын хүч дээд цэгтээ хүрч, аль аль тал нь ихээхэн хохирол амсч байх тэр агшинд дайсны командлагч манай суманд өртөн амиа алдсан гэдэг. Энэ үед дайсан галаа түр зогсоосон боловч хэсэг хугацааны дараа дайралт улам ширүүсч манай амьд үлдсэн гурван дайчдыг тус бүрд нь бүслэн олзлохоор улайран дайрсан юм билээ.

М.МӨНХСАЙХАН

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Пунцагийн Бадарч: Муур чинь Бурхан багшийн жавдан дээр сууж байсан учир жанцантай амьтан

Түрүүч нь №122(5965) дугаарт

Пунцагийн Бадарч гуайн гэр бүл. Хоёр мууртайгаа. 2018 он

Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Пунцагийн Бадарчтай Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдсөн билээ. Буурал найрагч маань аюулт өвчинд хэдэнтээ нэрвэгдсэн ч хайрт охиныхоо халамж хайр, сэтгэлийн хатаар өндийж өнөө үр ачтайгаа инээж баясан амар жимэр сайхан аж төрж байгаа аж. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр 1960 оноос уран бүтээлээ эхэлж “Морьд”, “Есөн эрдэнийн орон”, “Зургаан мөнгөн мичид”, “Алтан тоос”, “Ширхэг цагаан сувд”, “Хэрлэн”, “Намрын хонгор салхи”, “Би энэ байна”, “Бөрттэй цагаан сарын дор”, “Бурхан багшийн сургаал”, “Тэнгэрийн хас од” зэрэг яруу найргийн номууд хэвлүүлсэн байна. Түүний “Есөн эрдэнийн эх орон” найраглалд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр аялгуу зохируулан дуу болгосон байдаг. Онгод төгөлдөр гэгээн найрагч маань МЗЭийн шагналыг “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгүүдээрээ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг “Есөн эрдэнийн орон” найраглалаараа тус тус хүртсэн түүхтэй.

-“Бурхан багшийн сургаал”-ыг та аргагүй л сайхан өөриймшүүлсэн байсан даа?

-Би зохиогоогүй гэдгээ хэлсэн. Толгой холбосон хэлбэрт л оруулсан. Х үсэг бичигдээд ирвэл х үсгээр хайрцаглах ч юм уу, тиймэрхүү л байдлаар бичсэн. Буддын гүн ухаан гэдэг ч агуу даа.

-Зурагт аль хэр үзэж байна даа?

-Үздэг юм аа. Ойрдоо нүд муудчихаад зурагт үзэж чадахгүй л байгаа. Нүдийг маань “Одоо их сайн болно” гэж эмч нар хэлж шинжилгээ хийж өгсөн. Миний энэ муу өрөөсөн уг нь бичиг цаас, ном сонин уншдаг байхгүй юу. Гэхдээ бүрэлзээд байхаар нь “Солонго” эмнэлгийн Нарангарвуу гэдэг эмчид очсон чинь энэтхэг эмч нар ирж таарсан. Манай хөгшинд бас ийм нүдний хальс суулгаж байсан юм. Тэрэнд нь найдаад очсон. Нарангарвуу чинь их сайн ч эмч. Тэнд улсууд их очно. Тэгээд миний нүдэнд тариа хийгээд. Тариа огт өвдөх юм байхгүй. Жир жир гээд жаахан лугшина. Тэгэнгүүт нүдийг минь таглаад боочихно. Хорин дөрвөн цаг боогоод л авна даа. Тийм эмчилгээнд яваад сайхан байна. Одоо сайхан нүдтэй болно. (Энэ үеэр найрагчийн охин Бүжин нүдэнд нь дусаалга хийхээр өрөөнд орж ирэв. Хоёр цаг тутамд уг дусаалгыг нүдэндээ дусаах эмчийн заалттай аж. Харин шөнө унтахад дусаадаггүй юм байна. сур)

-Залуу зандан насандаа хүртэж явсан сайхан идээгээ таалж байна уу?

-Сүүлийн нэг жил огт амсахаа больсон. Өвдөөд ирэхээр цаанаасаа л дэмий гэдэг нь мэдэгдэх юм.

-Сүүлийн үед таныг хэн эргэж ирэв?

-Цагаан сараас өмнө МЗЭийн Удирдах зөвлөлийн дарга, “Болор цом”ын тэргүүн найрагч Арлааны Эрдэнэ-Очир, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, яруу найрагч Намбарын Пүрэв гурав ирснийг би түрүүн хэлсэн. Тэгээд манай Төв аймгийн Баянжаргалан сумын нутгийн зөвлөлийнхөн ирдэг юм.

-Баянжаргалан чинь хуучнаар Нялга сум бил үү?

-Нялга сум. Яг мэдэж байна даа, нутгийг минь.

-Нялга гэдэг нь ямар учиртай нэр юм бол?

-Тэр Жанжин Чойроос хойш байдаг уулын нэр юм. Нялга гэдгийг чинь муухай нэр гэсэн ч юмуу, сумын төв тэндээс холдоод нүүсэн болохоор ч тэр юмуу сольсон байдаг. Дээр үед сумдыг чинь уулын нэрээр нэрлэдэг байлаа ш дээ. Баянжаргалан гэдэг чинь бас уул шүү дээ.

-Та нойрондоо их сайн гэж байна. Зүүдээ аль хэр манаж байна. Уран бүтээлч хүнд зүүд их зөн совин хайрлаж, бүтээж туурвих хөшүүрэг болдог гэдэг шүү дээ?

-Зүүдэлнэ ээ. Өө, тэр зүүд чинь их сайхан. Залуу зандан насандаа очно. Саяхны нэг зүүдэнд хэн хэн байв даа. Цоодол л лав явж байна лээ. Орчлонгоос буцсан, буцаагүй хэдэн найзуудтайгаа уулзаж байна гэж зүүдэллээ. Ерөнхийдөө цаагуураа санадаг байхгүй юу, тэднийгээ.

-Тэгнэ. Хүний төрөлхийн инстикт юм чинь саналгүй яах билээ?

-Цоодол, Хулан зүүдэнд орж байсан. Томчуудаас хэн хэн орж ирэв дээ. Утсаар их ярьдаг чинь Цоодол, Дулмаа гэсхийгээд болчихно. Цаадуултай нь сүүлийн хэдэн жил ч ярьсангүй вэ. Тэгтлээ их яриад байх юм ч бас байхгүй болчихдог юм байна.

-Бүжин охин чинь таныг баярламаар сайхан асарч байна даа?

-Тийм. Энэ муу минь л хөлийг минь газар ч хүргэхгүй л хайрлаж халамжилж байна. Манай хүргэн Батбилэг гэж их сайхан хүн бий.

-Хүргэн юу хийдэг хүн байна?

-Украины Харьковт их сургууль төгссөн инженер хүн дээ, миний хүү. Нэгэн үе гар утасны засварчин хийсэн. “Моби сервис” гэж компани байгуулж, нэлээд олон хүн төгсгөсөн. Тэрнийгээ болиод одоо автын инженерээ хийж байгаа. Тийм сайхан ажил хийдэг юм. Сайн ч хүү дээ, миний хүү. Зээ хүү Б.Гүнбилэг маань Монгол Улсын их сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний анги төгссөн.

-Хэдэн жилийн өмнө танайд зочлоход байсан муур тань байна даа?

-Ангир уу. Энэ чинь манай гэр бүлийн гишүүн болоод удаж байгаа юм, хөөрхий. Манай хөгшин 2015 оны есдүгээр сарын 9нд нас барсан. Түүнээс нэг хоёр жилийн өмнө энийг авсан юм. Жоохон алганд багтчихдаг сэгсийсэн хөөрхөн юм байсан. Гар дээрээ өргөхөд юм байгаа, үгүй нь мэдэгдэхгүй шахуу л юм байсан.

-Өд шиг л хөнгөн амьтан байж дээ?

-Ээ, яг яг. Өд шиг хөнгөн амьтан байлаа. Тэгээд би зүсийг нь харж байгаад “Ангир шиг хөөрхөн юм байна даа. Шар алагтаад” гэж бодоод ингэж нэрлэсэн. Чи наадахаа харж байгааг хар аа. Нэрийг нь хэлэхээр мэдэж байгаа юм. (Муураа энхрийлэн инээв. сур)

-Тийм байна шүү. Нэрээ сүрхий мэддэг нөхөр байна…

-Ангираас гадна бас нэг муур бий. Моогий гэдэг юм. Ээж нь бие нь муу байхдаа хүргэнийд сувилуулаад дөч тавиад хоносон шүү дээ. Эд маань ээжийгээ муураа санаад байна гэж бодсон юм уу, яасан юм хөөрхөн цэнхэр нүдтэй золигийг авсан. Тэгээд манайх одоо хоёр мууртай. Би мууранд их хайртай. Муур чинь их сонин амьтан.

-Аа, за. Юу нь сонин гэж?

-Нархажидын сүмийн хамба Гантөмөр манайхтай их холбоотой л доо. Би тэдний намтар цадигийг бичиж бариад, хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав бид хоёр цуг очиж байсан юм. Тэгээд манайд нэг ирэхдээ муурыг илээд “Их сайн амьтан шүү дээ” гэлээ. “Яасан амьтан гэж байгаа юм, та” гэж би асуулаа л даа. Бурхан багш айлтгал сургаалаа айлдчихаад өөрийнхөө жавдан дээр ирээд суух гэтэл энэ сууж байсан гэж байгаа. (инээв. сур) Тэгээд “Өө хөөрхий, чи миний энэн дээр сууж байгаа юм уу. За, чи сууж бай, сууж бай” гээд нурууг илэхээр босоод явчихсан гэдэг. Тийм учир жанцантай учраас Бурхан багшид тоогдсон буянтай амьтан байхгүй юу. Бурхан багш “За чи, миний хэлсэн ном айлтгалыг хүн амьтанд тарааж барьж чадах уу” гэхэд энэ нь жавдангаас босоод явчихсан гэж байгаа юм. Нэмэр хачиртай ч байж мэдэх л яриа юм даа. Бурхан багшийн жавдан дээр муур сууж байна ч гэдэг ямар юм байдаг юм, мууранд тэгж хэлнэ ч ямар юм байх юм. (Хөөрөлдөгч хоёр хөхиүн, элгээ хөштөл инээв. сур) Ерөнхийдөө нэг ийм юм байна. “Буддын шашин гэдэг шинжлэх ухаанд хамгийн ойр шашин, шинжлэх ухаанч шашин гэвэл Буддын шашин” гэсэн нэг үг байдаг. Тийм ч учраас Холливудын мундаг жүжигчид Бурхны шашинд орсон бол уу. Америкт гэхэд ийм олон хүн бий. Зарим нь түвдэч эрдэмтэн, зарим нь их ренбүүчи болоод явж байна.

-Жүжигчин Ричард Гирээс өгсүүлээд олон хүн бий байх шүү?

-Байлгүй яахав. Ричард Гир гэснээс бид хоёрын цуг авахуулсан зураг хүртэл бий шүү. Америкт буддистууд их байдаг. Ямар шашинтай байх нь тэдэнд төдийлөн хамаарахгүй юм шиг байгаа юм. Муслим, исламын буталдаг, бууддаг шашин биш мөргөдөг өргөдөг, Исус ч тэр, Будда ч бай шүтэж л байдаг. Далай ламын олон сайн ном бий дээ. Дэлхийн арав гаруй мундаг эрдэмтэнтэй ном хаялцсан талаар нэг ном нь надад байдаг юм. Тэрэн дээр нойр, зүүд, хойд насны тухай ном хаялцсан тухай гардаг. Түвдэд хойд нас гэж байна уу. Байна аа. Ямар ном уншвал хойд насандаа ямар төрөлд очих вэ гэх мэтээр маш өргөн сэдвээр ярилцсан ном л доо.

-Та бид хоёр ч яриад байвал мөн ч барагдахгүй олон сэдэв байна даа, ах минь?

-Ингээд хоёулаа яриагаа өндөрлөе. Чамд баярлалаа. “Өдрийн сонин”-ы уншигчдадаа талархал илэрхийлье. Юуны тулд вэ гэхээр зэрэг аливаа хүн ажил төрлөө сайн хийх хэрэгтэй юм. Эх орноо чин үнэнээсээ хайрлах ёстой юм. Монголчууд “Миний төрсөн бууц, миний тоонот” гэж ярьдаг даа. Тэрэн шиг монголчуудын бүгдээрэнгийнх нь тоонот бол агуу эх орон юм. Тийм учраас эх орноо хайрлаж яваарай гэж хүсэх байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Завханы Тэлмэн суманд хүүхдийн “Хүрэл тулгатан” наадам болов

Гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг, яруу найрагч Г.Машбат, Ж.Болд-Эрдэнэ нар

Завхан нутаг жаргалын минь орон, заяа тавилант миний нутаг гэсэн их Явуугийн шүлэг байдаг. Монголыг даасан цаст Очирваань богд хэмээдэг Отгонтэнгэр их хайрханы бэлд очиж, сурвалжлага тэмдэглэл бэлтгэж явснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. Завханы Тэлмэн, Тосонцэнгэлийн талаар оюутан ахуйн анд, яруу найрагч, “Бөх” сонины эрхлэгч, сэтгүүлч Ганболдын Машбатаас мөн ч олонтаа сонсож байсан сан. Тэр сайхан нутагт очих хувь ерөөл энэ зуны эхэн сард бүрдэх байжээ. Ганболдын Машбатыг оюун сэтгэлгээний хувьд өсөх уран бүтээлч байсныг Монголын ерээд оны мөнгөн үеийн яруу найрагчид сайн мэднэ. Завхан аймгийн хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадмын 1991-1993 оны гурван удаагийн тэргүүн шагналт анд минь тэнгэр зүг одоод арав гаруй оныг үдэж дээ. Тэр ер нь өөрийгөө сурталчлах тун ч дургүй ясны уран бүтээлч байлаа. “Хурд” хамтлагийн “Ээждээ” дууг зохиосон Даваадашийн Болд, Монгол орноо явган туулсан бадарчин яруу найрагч Цэвэгжавын Батбаатар, МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Цэндийн Доржсэмбэ бидэнд хааяа нэг “Тосонцэнгэл суурингаа орхиод алсын замд гарсаан…” гэх шүлгээ уншиж өгчихөөд тэрнээсээ их ичнэ. Тэгсэн атлаа шүлэг, утга зохиолын талаар гүн гүнзгий мэдлэгтэй байсан даа.

Түүний танилын хүрээ их. Улсын гарьд Дамдины Баяраа, улсын начин Нэгдэл, гавьяат тамирчин, боксын спортын мастер Олзод, боксчин Хичээнгүй эдэнтэй их дотно. Одоогийн алдартай бөх, улсын заан Нэгдэлийн Жаргалбаярыг бяцхаан хүү байхад манай Ма “Энэ хөөрхөн барилдах хүү шүү” гэж урам өгнө. “Бөхчүүд” сониныг эрхлэн гаргаж байхдаа олон ч бөхтэй ах дүү шиг элгэн сэтгэлээр ижилдэж явсныг би мэдэх юм. Тэр бүү хэл, Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ч ажил хэргийн харьцаатай байж, сонгуулийн сонинг нь гаргаж л явсан. Утга зохиол, нийгмийн ажилтны сургуульд Баатарын Галсансүх, яруу найрагч Отгоны Нандинцэцэг, “Цэг цэг таслал” номоо оюутан ахуйдаа гаргасан Д.Амаржаргал нартай нэгэн ангид суралцаж байгаад гурав дахь жилдээ С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины дээд сургуульд манай ангид шилжин ирж билээ.

Төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, мөнгөн үеийн яруу найрагчдын түүчээ Жамьянгийн Болд-Эрдэнэ, гавьяат жүжигчин Намдагийн Төмөрхуяг нартай чухам тэр л үеийнхнээсээ дотнохон байсныг гэрэл зургийн цомог дахь патиарууд нь илтгэнэ. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн гуайнд ороод “Дүү нь хэдэн сайхан өгүүллэг бичээд танд ирж шавь орно оо” гэж байсан сан. Түүний сонинд бичсэн нийтлэл, хөргүүд гэхэд өгүүллэг бичвэл ч бичихээр хэл найруулга сайтай байж билээ. Харамсалтай нь өнөө тэр маань өгүүллэгүүдээ бичиж амжихгүй болжээ. Сүүлд бичиж байсан шүлгүүдтэй хар дэвтэр нь хүртэл олдохоо больж. Уг нь шүлэг бүтээлүүдийг нь эмхэтгээд ном болгоод гаргачихвал хичнээн сайхан байх сан билээ. Ануухан үлдсэн ээж нь, хайрт дүү нар нь Машбат агсны гэгээн дурсгалд зориулж хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулгатан” наадмыг өнгөрөгч сарын 21-нд төрөлх нутаг Тэлмэн суманд нь зохион байгуулж, Завхан аймгийн Тэлмэн, Идэр, Их-уул, Тосонцэнгэл зэрэг сумдын тавь жаран өсвөрийн найрагчид насны хоёр ангиллаар шүлгэн хүлгээ тарлав. Тайзнаа Г.Машбатын хөргийн дор

“Зүрх сэтгэлээрээ би ертөнцийн бүх охидод дурласан

Зөвхөн тэдний төлөө л хаврын бороог хүлээдэг” гэсэн шүлгийн гар бичмэлийг дурайлган гарын үсгийг нь сийлжээ. Тэр дунд сургуулийн сурагч байхдаа

“Битүү туурайн хурданд

Эрдэж явнам, хүлэг минь

Билгүүн найргийн онгодонд

Хурдалж явнам, шүлэг минь” гэж арван хэдхэн насандаа бичиж байсныг найрагчийн дүү Г.Дашдулам өгүүлж байна. Хэл шинжлэлийн магистр эл дүү нь ахынхаа нэрэмжит найргийн наадмын шүүгчээр суусан. Машбатын нэрэмжит наадмын нээлтийг тавдугаар сарын 12-нд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, их гүүш Готовын Аким, төрийн шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, МЗЭ-ийн болон “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Норовын Гантулга нар хийсэн нь тэлмэнчүүдэд утга соёлын гэгээ хайрласныг төрөлх сургуулийнхан нь, нутаг усныхан нь бахдан сууна. Машбатын аав С.Ганболд сургуулийнхаа пионерын ахлах удирдагчаар ажлын гараагаа эхэлж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан соёлын тэргүүний ажилтан цолтой хүн байсан бол ээж Лувсанренчингийн Тэгшжаргал нь Тэлмэн сумын сургуулийн захирлаар арван долоон жил ажилласан, монгол хэл-уран зохиолын багш хүн юм. Аав, ээжийн эрдэмлэг, авьяасын оч хүүдээ нөлөөлснийг эндээс хэлүүлэлтгүй анзаарч болно. Анхны шүлгүүдын нэг нь болох “Дөрвөн бэрх ” шүлэг нь 1989 онд “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байсан бөгөөд 1992 онд хөгжмийн багш Г.Эрдэнэбат аялгуу хийснээр аймгийн “Яргуй” наадмын хоёр түрүү, “Солонго” улсын хүүхдийн урлагийн их наадмын тэргүүн шагналыг хүртэж, мөн дунд сургуулийн сурах бичигт багтаж байсныг ээж нь өнөө нулимстай дурсаж сууна. Найргийн наадмын үеэр ангийн багш Уртнасан нь шавийнхаа хамт уртын дуугаа уянгалуулаад тайзнаас гунигтайхан бууж харагдсан. Ангийн хэсэг нөхөд нь анддаа зориулж бичсэн шүлгээ уншиж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлэв.

Төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, Г.Машбат

Тэр Тэлмэн нуурынхаа тухай “Уруул хүрээгүй байхад шорвог нь мэдрэгдсэн

Усан болор Тэлмэн нуур нь хө

Тэнгэрийн дагинын нулимс ч юм сан уу

Тэрсүүд амьдралын үнэн ч юм сан уу

Нутгийн минь нуур миний сэтгэлд

Нуулгүйхэн үнэнийг шивнэв үү

Нулимстай зүрхийг чагнан чагнан

Нууцхан нэгийг өгүүлэв үү” хэмээн бичсэнд Г.Эрдэнэбат аялгуу зохируулжээ.Түүний бичсэн шүлгээс бүтсэн “Дөрвөн бэрх”, “Засагт ханы нутаг”, “Тэлмэн нуурын шивнээ” дуунуудыг сургуулийн авьяаслаг сурагчид найрлаар уянгалуулж, зээ дүү нар нь дуулж хөгжимдөн, Т.Батцоож “Орчлонг хайрлаарай” дууг аргаданхан дууллаа. Машбатын маань дүү Г.Батмагнай, Г.Бямбарагчаа хоёр Улиастай-Улаанбаатарын унаанаас өглөө тосоход андтайгаа учирсан мэт сэтгэлд нэг л дотнохон. Батмагнай сумандаа алдартай адуучин, ах шигээ нуруулаг өндөр залуу. Харин отгон дүүгийнх нь хувьд ШУА-ын Археологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан. Дашдулам, Дорждулам хэмээх хоёр бүсгүй дүү нь оюутан байхдаа ахтайгаа хамт амьдардаг байсныг санаж байна.Өдгөө хоёулаа гадаад хэлний мэргэжлийнхээ чиглэлээр ажиллаж байна. Энэ жил Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ерэн жилийн ой тохиож буй учир нутгийнхаа найрагчийн нэрэмжит наадмаар үндсэндээ эхлүүлж байгааг сургуулийн захирал Байгалмаа онцлон ярьж байсан. Машбат агсны гэр бүлийнхэн ч сургуулийнхаа ойд зориулж таван сая төгрөгийн хандив өргөж байна. Тэлмэн сумын Засаг дарга О.Батчулуун тус наадмын шагнал гардуулах хүндтэй үүргийг хүлээнгээ “Завхан аймгийн зүүн бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан энэхүү найргийн наадам цаашид улам өргөжин тэлж олон авьяаслаг сурагчдыг төрүүлэх болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.


Categories
мэдээ цаг-үе

Пунцагийн Бадарч: Зохиолч хүүхнүүд “Бурхан багш танд чонын тархи суулгасан юм чинь мөнхөрнө” гэж “нохойтсон”

Буддын шашны их ренбүүчи, Холливүүдийн алдарт жүжигчин Ричард Гирийн хамт

Монгол түмний хайртай найрагч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Пунцагийн Бадарчтай Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. “Есөн эрдэнийн орон” найраглал, “Адуу”, “Тэмээ”, “Эхийн сэтгэл” зэрэг шүлгүүд, “Бурхан багшийн сургааль”-ийн шүлэглэсэн хувилбар зэрэг олон сайхан бүтээлээрээ ард түмнээ ухаарал гэгээрлийн харгуйд хөтөлсөн эрхэмсэг буурал найрагч маань хоёр, гурван ч удаа хагалгаанд орж, хүнд өвчинтэй тэмцсээр хөл дээрээ боссон билээ.


-Сайхан зусаад байна уу, та?

-Сайхан зусаж байна. Сайхан байлгүй яахав. Миний хувьд зуслан их тохитой байна. Манайх энд хүргэнийхтэйгээ хоёр айл таван өрөө байрандаа тайван сайхан л аж төрж байна. Зусланд уг нь жил бүр л гардаг юм. Сүүлийн хоёр жилд гарсангүй. Энэ жил гарах ч юм уу, үгүй ч юм уу, мэдсэн юм алга.

-Зусланд хаашаа гардаг билээ?

-Энүүхэн Шарга морьт руу. Манай охин Бүжингийн ажилладаг компанийн захирал бүсгүй тийшээ гаргадаг юм. “Баян Монгол” зах, дэлгүүртэй том компани бий. Тэр зуслан их модон дотор тун сайхан. Автобусны буудлаас ердөө зуун метр л явна. Гэхдээ одоо зуслан гарахад их хүйтэн юм. Өглөө, үдэшдээ жаахан даарах гээд байдаг.

-Хотын төв талбай дээр болсон номын баярт та оччихсон номон дээрээ гарын үсгээ зураад сууж байгаа харагдсан даа?

-Тэгсэн. Намайг “Номоо худалд, үнэгүй лангуу өгье. Гурван жил номын баяртаа ирсэнгүй. “Нээлгэнэ” энэ тэр гэж хөөргөөд. Тэгээд би нээдэг амьтан болж очихгүй юу. Буруу хойшоо доо. Нээсээн. Тэр сайхан баярт гурван жил очоогүй юм байна шүү. Номын баярт оролцохын буруу юм гэж юу байхав. Ном шиг сайхан юм ертөнцөд байхгүй. Номын хэлбэр загвар өөрчлөгдөөд цахим ном гарч л байна. Тэглээ ч ном бол номоороо байна гэдэг сайхан. Ном бол агуу юм шиг надад санагддаг. Яагаад вэ гэхээр хүн төрөлхтөн хамгийн үнэн сэтгэлээ илчилж үлдээсэн нандин шүтээн бол ном юм даа.

-Таныг их хүнд мэс ажилбарт орлоо гэж дуулсан. Одоо бие лагшин тунгалаг уу?

-Миний тархинд харвалт өглөө л гэсэн. Энэ чинь одоо раактай (хорт хавдар) улсууд үхлээ л гэх юм. Тэгэхэд хагалуулсан би байж л байх. Манай зохиолч хүүхнүүд ирэхээрээ “Та одоо мөнхрөх болж дээ. Танд бурхан багш чонын тархи суулгачихсан байна” гэх юм. (инээв. Л.Б)

-Өө, бүр чонын тархи суулгачихсан, аан?

-Яруу найрагч Цоодолын Хулан тэгж “нохойтож” байна. Би ч “Тэгэлгүй яахав” л гэлээ. Тиймээс бие их сайн байна. Хөлийнхөө өлмийнөөс өгсүүлээд баруун тархиныхаа эх хүртэл харвасан юм шүү дээ. Гавлын ясыг минь хөрөөдөж үхрийн шагайн чинээ яс авсан. Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат эд харсан шүү. Тэр яс одоо миний охин Бүжээд хадгалагдаж байна.

П.Бадарч охин Бүжигтэйгээ

-Яруу найрагч Хулан таны элэгний шинжилгээний бичгийг үзчихээд “шар сэмжилчихсэн” байна гэж эмч хэллээ гэж таныг айлгасан гэдэг үнэн үү?

-Тийм. Манайхыг тэр баруунтайх хориннэгдүгээр хороололд байхад тэгсэн юм. Би тэр үед элэгний шинжилгээ өгчихөөд “Ямар ч гараа билээ” гэж очиж авахаас айгаад байхгүй юу. “Мах битгий идээрэй, архи дарс бүү уугаарай” гэсэн л юм хэлэх байх гээд Хуланд утасдаж “Эмнэлэг дээр очоод миний шинжилгээг аваад ир. Их муу байвал нуулгүй надад хэлээрэй” гэсэн. Тэгсэн өнөөх чинь утасдаж байна аа. “Шинжилгээний чинь хариуг авлаа. Тун базаахгүй л гарлаа даа” гэлээ. “За, юу гэж байна” гэсэн чинь “С вирустай гэж эмч хэлж байна” гэхээр нь худлаа газар л элгээ дарж үзлээ. “Мэдэгдэхгүй л байна даа” гэсэн чинь өнөөх чинь инээгээд “Таны элэг чинь зүгээр гэнэ. Харин сэмж чинь л нэлээд шарласан байна гэсэн шүү” гэж байгаа юм. Тэгж миний шинжилгээг Хулан золиг “оношилсон” юм байгаа юм. Хулан гэснээс “Хулангийн үдэш”-ээ сая гуравдугаар сард хийлээ дээ.

-Тэгсэн шүү…

-Сайхан үдэшлэг байна лээ. Шүлгээ ч сайхан уншдаг хүн юм даа. Хоёр ч удаа “Болор цом” авчихсан. Хайрын шүлгүүд уншиж байна. Ер нь ухаалаг, тийм сайхан үдэшлэгийг Соёлын төв өргөөнд хийлээ. Хулан ч өөрөө олонтой хүн юм. Үзэгчдийн танхим дүүрэн байсан шүү. Ахмад уран бүтээлчдээс Дөнгөтийн Цоодол, Д.Төрбат, бид гурав л байлаа. Одоо чинь ахмад зохиолчид ерөөсөө байхгүй болчихож.

-Мэр сэр ахмад зохиолчид байгаа байх аа?

-Ардын уран зохиолч Тангадын Галсан байна. Ахмадын хамгийн дээд талынх нь Бөхийн Бааст байна. 1921 оны Ардын хувьсгалтай чацуу хүн. Бараг зуу руу дөхсөн шүү дээ. Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа, Шаравын Сүрэнжав гээд ахмадууд цөөрсөн. Хөдөлмөрийн баатар ЛодонгийнТүдэв гэхэд наян хэдтэй байх жишээтэй.

-Зохиолч Түдэв гуай эд нар тантай утсаар ярьж байна уу?

-Ер нь ярьдаг юм. Ойрдоо ярьсангүй. Гэртээ л байгаа. Намайг утасдвал авна. Би Л.Түдэвийн тухай, Түдэв ч миний талаар хөрөг бичсэн. “Эх орны есөн эрдэнийн титэм өмсгөгч” бил үү, тийм гарчигтай хөрөг бичсэн байсан. Би тэрийг номондоо ч оруулсан. Гэхдээ эд нартайгаа харилцаатай. Сүрэнжавтайгаа, Дулмаатайгаа, Галсантайгаа, Баасттай, Түдэвтэй хамаатан садан шиг л сураг ажигаа авалцаж сууна. Эдний цөмөөрөнгийнх нь тухай жижигхэн хөрөг бичсэн л дээ. Дээр үеийнхтэй адил зохиолчид нэг дороо цугладаг, биендээ шүлгээ уншихаа больж. “Би ийм юм хийж байна, ийм юм хийсэн” гэж ярихаа байчихдаг юм байна.

-Яадаг юм бол?

-“Миний санаа онооноос шомбодож магадгүй” гэж боддог ч юм уу. Дээр үед нэг дороо цугладаг, “Яруу найргийн өдөрлөг” гээд хийдэг байлаа. Тийм юм байхгүй болсноор зохиолчид цөөрчихсөн. Одоо юу гэж хэлмээр юм бэ дээ. Маш товчхоноор хэлэхэд алтан үеийн зохиолчид тун цөөхөн байна. Цогт-Очир гуай энэ тэр настайхан улс байдаг л юм. МЗЭ-ийн их хурал өнгөрөгч намар болоход таних хүн харагдахгүй байна гэж надад хүн хэлж байна лээ. Таних нь бараг байхгүй мөртлөө танихгүй настай улс нэлээд байна. Хэдийдээ тэд зохиолч болчихсон юм гэж хэлнэ лээ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Магван-Эрдэнийн Саруулдалай ч “Миний танихгүй улс Зохиолчдын хороонд их элссэн юм байна” гэж ярина лээ. Саруулдалай чинь Зохиолчдын хороонд хариуцлагатай ажил урьд нь эрхэлж л байсан хүн дээ. Саруулдалай манайд муу Арлааны Эрдэнэ-Очир, намхан Пүрэв гурав ирсэн юм.

-Яруу найрагч Эрдэнэ-Очир маань арай л эрт тэнгэрт дэвшлээ дээ?

-Хөөрхий манай Эрдэнэ-Очир мөн сайхан хүү сэн. Сайн ч зохиолч байсан. Тэгээд Идэрийн голд очоод ай гэж… (Цээжний гүндээ хүндээр санаа алдав. Л.Б) Завханы Идэр суманд олуулаа очоод ганцаараа тэр минь бурхан болсон байх юм. Чи тэр олонтой явсан уу?

-Би яваагүй ээ…

-Өө за за. Нөгөө жижиг Цэнд-Аюуш явсан дуулддаг юм. Гашуудлын үг авах гэж манайд ирсэн. Би сэтгэгдлээ ярьсан. Оршуулгынх нь урд өдөр зурагтаар гарч байна лээ. Ш.Дулмаа, Б.Лхагвасүрэн бид гурав ярьсан. Их хайр хүрмээр сайхан хүү байсан. Их залуу хүн нас барчих чинь харамсалтай. “Орчлон ийм юм сан уу” гэж бодогдох юм даа, хөөрхий минь.

-Та Эркатай их дотно байсан даа?

-Тэгсэн. Арлаан гуай надад хүүгээ захиж захиа бичиж байсан. Би тэр захиаг зурагтаар харуулсан даа. Би Дорноговьд ямар ч ажлаар очсон байлаа даа. “Миний хүүг сайхан яруу найрагч болгоорой” гэж захиж Бавуугийн Лхагвасүрэн бид хоёр Улсын багшийн их сургуулийн дэргэд байгуулагдсан анхны Утга зохиолын ангид арваад хүүхэд хичээллүүлснээс арван гурван яруу найрагч төрсөн юм даа. Тэрэнд манай Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн Гомпилдоогийн Мөнхцэцэг, “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, зохиолч Б.Батрэгзэдмаа, яруу найрагч Бадарчийн Хишиг-Ундрал, Хулганайн Тэргэл, Банзрагчийн Энхтуяа, О.Энхжавхлан, зохиолч Бидэрийн Баярсайхан нарын олон охид хөвгүүд байсан. Бидний дараа үед гарч ирсэн Монголын яруу найргийн мөнгөн үеийнхэн чинь миний нэр дурдсан эднээс гадна маш олон уран бүтээлч байна л даа.

-Та олон зохиолчийн номын чимэг зурсан зураач даа?

-Өнөөдөр хүртэл манай охин руу цахим зурвас хүн явуулсан байна. Охин надад уншиж өглөө. “Бадарч гуай та их зураач хүн байж. “Морьд” номынхоо зургийг жигтэйхэн сайхан зурсан байна лээ” гэж ээ дээ. Яахав дээ, голд нь гал зураад, гал тойрсон гурван морь зурсан байхгүй юу. Одоо би хараад “Яаж ийм мундаг юм зураа вэ” гайхдаг юм. Манай охин, зээ нар ч гайхан асууна. Миний санаанд л орсон байгаа юм. Би өөрийнхөө анхны “Морьд” номонд л ганц удаа чимэг зурсан нь энэ. 1967 онд гар луу даа. Дорнын их найрагч Б.Явуухулангийн “Хар ус нуурын шагшуурга”, зохиолч Ц.Уламбаяр гуайн “Зовлон жаргал” цуврал романуудын зургийг зурж л байсан. “Утга зохиол урлаг” сонины толгойг “Ард Аюуш”-д тоглодог зохиолч Чойжилсүрэн надаар хийлгэж байсан. “Сонины толгой зурсан мундаг зураач” гэж сонин хэвлэл дээр бичсэн байна лээ. Хмм, миний зураг зурах гэж юу байхав. Заримдаа ичмээр юм болдог юм. (инээв. Л.Б) Яахав, Зохиолчдын хороонд зураач нэртэй анх орсон нь үнэн л дээ. Мишигийн Ширчинсүрэн, Нямбуугийн Нямдорж, Чойжилын Чимэд нарын номын хавтсыг зурж л байсан. Их олон зохиолчийн номыг редакторлосон шүү.

-Таны үед ахмад зохиолчид ч аргагүй л алтан үеийнхэн биз?

-Миний үед ахмад зохиолч гэх улс чинь С.Дашдэндэв гуай, Ц.Уламбаяр гуай, Б.Бааст гуай, “Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуай, “Зам” романыг туурвисан Намсрайн Банзрагч нарын авьяастай, тулхтай хүмүүс байж. Банзрагч бид Москва хот руу хамт явж л байсан. “Зууны манлай уртын дуучин” Норовбанзадтай Дундговийн шүүхэд ажиллаж байхдаа танилцсан байдаг. Гоё дуулдаг охин байсан. Эргүүлэх гэсэн чинь үг орж ирдэггүй. Үг орж ирэхгүй болохоор үйлс бүтдэггүй гэж ярьдаг сан. Норовбанзадыг тэндээс олж ханилаад улмаар Дундговиор овоглосон түүхтэй. Уг нь мань эр чинь Завханы Алдархаан суманд төрсөн хүн шүү дээ. Эднийг залгаад Дэндэвийн Пүрэвдорж, Долгорын Нямаа, Доржийн Гармаа нар Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль төгсөж ирсэн. Энэ сургуулийг төгссөн хорь гаруй зохиолч байдаг юм.

-Та Горькийн сургуульд яагаад яваагүй юм бэ?

-Би Горькийд явах гэж анх Зохиолчдын хороонд ирсэн юм. Манай багш Сэнгийн Эрдэнэ “Зураач хийж чадах уу” гээд дагуулж ирсэн юм. Би Төхөөрөмжийн үйлдвэрт төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоо зурдаг хүн байсан байхгүй юу. Тэгж байсан түүхтэй.

-За, тийм байж. Настайчуул нойр хоолондоо муудлаа гэдэг. Та ямаршуухан байна?

-Би нойр, хоолондоо сайн. “Унтах, идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” гэж манай хүргэн надаар тоглодог юм. Нойр, хоолондоо сайн болохоор мөд үхэж өгөхгүй нь гэж бодоод байгаа. (инээв)

-Үхэж яах нь вэ, та?

-Үхнэ гэдэг чинь хэрэгцээ болохоор үхэж байгаа биз дээ гэж би эдэндээ хэлж бөөн инээдэм болно.

-Нээрээ л байгаль цаанаасаа зохицуулсан хэрэгцээ юм даа?

-Хатуухан хэлэхэд “Хээ цэс, хэрэгцээ нь болоод үхээ биз дээ” гэсэн яриа байдаг шиг л юм байхгүй юу.

-Та уран бүтээл хийж байна уу?

-Харваж барьснаас хойш одоо бичихээ больё гээд ерөөсөө бичихээ байсан. Бичгийн чадвар муудаад, сэтгэх чадвар ч бас онцгүй болчихдог юм байна шүү дээ. Тархинд гэмтэл авчихаар ч тэгдэг юм уу. Миний тархинд хоёр ч удаа мэс засал хийсэн. Тэгээд их муудах юм бол уу гэсэн зүгээр болчихсон.

-Та “Бурхан багшийн сургааль”-ийг их сайхан шүлэглэж монголчууддаа бэлэглэсэн болохоор буян хишигээ хайрласан байх аа даа?

-Харин би тэгж горьддог юм. Тийм юм байлгүй дээ, одоо. “Бурхан багшийн сургааль”-ийг шүлэглэхдээ Японд байдаг “Бурхан багшийн сургаалийн нийгэмлэг”-ийн нэрийг урд, хойно нь дурдсан. “Бурхан багшийн сургааль”-аас зуун наймыг нь авч шүлэглэсэн. Тэр бүтээлд миний зохиосон үг нэг ч байхгүй. Бурхан багшийг төрөхөд аав нь явж үзүүлэхэд “Их ном бясалгавал Бурхан болох юм байна” гэж даяанч хэлсэн байгаа юм. Мааяа ээж Бурхан багшийг төрүүлчихээд нас барсан. Хааны ордонд төрийн ном үзэж байсан угсаа залгамжлагч нэг л өдөр гарч хазгар, сохор, өвчин зовлонтой хүмүүстэй таарч гайхахад өргөсөн эжий нь “Хүний зовлон гэж үйлийн үрээр ийм хэцүү юм бий” гэсэнд Сэдэдхарта ихэд гашуудан цочирдож “Тэгвэл би хүнийг энэ их зовлонгоос ангижруулах учиртай юм байна. Үүний төлөө ном үзье” гээд орон гэр, хатан хүүхдээ ч орхин явсан байгаа юм. Амьтан хүнийг зовлонгоос ангижруулах гэснийг л Бурхан багшийн ном гээд байгаа юм л даа. Бурхан багш манай дэлхийд дөрвөн удаа заларсан гэдэг. Үнэн, худлыг нь би сайн мэдэхгүй юм. Тэгэхдээ Бурхан багшийн сургааль арай гойд юм уу даа. Надад энэ тухай хоёр, гурван ч зузаан ном бий л дээ. Их уншдаг байлаа. Одоо ч нүд өвдөөд уншиж чадахгүй юм. Миний шүлэглэсэн тэр ном чинь дөрвөн ч удаа хэвлэгдсэн шүү. Хамгийн сүүлд дурсамжийн “Юм юмнаасаа” хэмээх номоо гаргасан.

-Одоо ямар ном бүтээл гаргах гэж байна?

-Ном гаргахгүй. Гаргах чадал чансаа байхгүй болчихдог юм байна. Нөгөө сайхан гялалзсан оюун ухаан удаашраад чадалгүй болчихож. Хүмүүсийн тухай, хүмүүс миний тухай зөндөө л юм бичсэн байна. “Ийм ном хэвлүүлье, тийм юмыг л олон түмэндээ уншуулъя” гэж бодох тэр сэтгэлгээ ч унтарч багасчихдаг юм байна. Тийм учраас одоо би ном гаргахгүй. Олон уншигч түмэн маань надад их сайн байдаг юм. “Монгол тулгатны зуун эрхэм”-д эднүүс орууллаа. Тэр яах вэ, олон түмэнд танигдаж, мэдэгдэж байгаа нь сайн хэрэг. Тэрнээс бусдаар сэтгэх чадвар далан нас жаахан гараад ирэхээр муудчихдаг юм байна.

-Ямар ч хүн л тэгнэ дээ?

-Хүний нас гэдэг чинь Бурхан багшийн өөрийнх нь үлгэрлэлээр ерөөсөө л ная наслах юм билээ. Бурхан багш өөрөө наян нэгтэй нас барсан. Дахин дахин төрөөд байдаг хүний сэтгэх чадвар, бие махбодын хоосон чанартай л холбоотой юм билээ. Би Энэтхэгт явж байхдаа бодь модны навч авчирсан. Тэр хар жаазтай навч. Бурхан багш тэр бодь модны доор бясалгаж суусаар гэгээрсэн. Бурхан багшийн үг чинь өөрөө яруу найраг. Тэрнээс би ганц ч үг нэмж бичээгүй. Харин шүлэглэх хэмнэлд л оруулсан. Чи сонс доо. “Та нар минь өөрсдөө л итгэж яв. Та нар бусдад бүү итгэж бай. Та нар Бурхны номыг хүн болгонд тараахыг хичээж бай. Та бүхний их дээдийн буян бол энэ”. Ийм шүлэглэсэн үг байгаа юм чинь, эхдээ. Би тэрийг жаахан уртасгаад л толгой холбосон хэмнэлд оруулсан.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Жанчивын Шагдарын хүү Суумэргэн: Аав минь Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуутан гэдэг сэн

Яруу найрагч Жанчивын Шагдар зохиолчдын хамт

“Униар татсан хөндийд чинь

Унаган бие минь өсөн жаргав аа

Унаган бие минь жаргасны учраа

Ухаан хүчээ тандаа зориулнаа

Рашаан болор мөрөнд чинь

Алдхан бие минь торнин жаргав аа

Алдхан бие минь жаргасны учраа

Амь насаа тандаа зориулнаа

Нарны буман цацрагт чинь

Нас бие минь тэнхрэн жаргав аа

Нас бие минь жаргасны учраа

Нандин бүхнээ тандаа зориулъя аа” гэсэн “Эх орон танаа” хэмээх алдарт дууг мэдэхгүй монгол хүн ховор. “Тод магнай”, “Дэлтэй шувуу”, “Тэмээн дээрээс наран ойрхон”, “Хаврын найраг”, “Оторчны баясгалан”, “Өдрийн од”, “Наран төглийн өглөө” зэрэг олон арван дууны найраг, гуч гаруй ном туурвисан нэрт сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Жанчивын Шагдарын отгон хүү, удам дамжсан яруу найрагч Суумэргэнтэй уулзаж аавынх нь тухай хөөрөлдлөө.


-Аав тань аль нутгийн хүн билээ?

-Миний аав Жанчивын Шагдар Булган аймгийн Орхон сумын уугуул. Мянга есөн зуун гучин таван оны модон гахай жил төрсөн болохоор “Би Лодонгийн Түдэв, Далай лам хоёртой чацуу” гэж бахархан ярьдаг байсан. Шувуутын голын Арбулагийн Ямаа майлдагийн хондонд төрсөн гэж бичиж үлдээсэн нь бий. Овоглосон Жанчив гэдэг хүн чинь өвөг эцэг нь. Аав Ням эмээтэйгээ аж төрж өссөн юм билээ. Эцэггүй өссөн болоод ч тэр үү “Бутач” гэсэн роман бичнэ гэж их ярьдаг байсан ч бидэнд үлдээсэнгүй. Бас Чин ван Ханддоржийн тухай найраглал бичих бодолтой байсныг ч хүү нь мэднэ. Жамын хорвоо аавд минь цаг хугацаа богино өгсөн дөө. Булган аймгийн арван жилийн сургуулийг 1954 онд төгсөөд монгол хэл-уран зохиол, түүх-газар зүйн хоёр дэвтрээ өвөртлөөд хотод ирж МУИС-д шалгалт өгөөд монгол хэл-уран зохиолын ангид тэнцсэн байгаа юм. Аав минь их ухаантай хүн байсныг одоо л ухаарч суух юм. Хөвүүддээ гэхэд “Хүн хоёр вариантаар амьдрах хэрэгтэй” гэж захидаг байсан нь учиртай л үг байж. Ямар сайндаа аль нэг шалгалтад уначихвал нөгөөд нь шалгалт өгөхөөр хоёр дэвтэртэй ирж байх вэ дээ.

-Монголын толгой ганц их сургуульд ороод олон сайхан нөхөдтэй болсон байх даа?

-Аав минь “Их сургуулиас би дөрвөд, сартуул, буриад гурван сайхан нөхөртэй болсон” гэдэг байсан. Дөрвөд нь Алтжин гуайн аав Готов, буриад нь утга зохиолын алдарт шүүмжлэгч Ц.Мөнх, сартуул нь зохиолч, эмч Ш.Ванчаарай нар л даа. МУИС-ийн утга зохиолын нэгдэлд харин ардын уран зохиолч Тангадын Галсан, зохиолч Ч.Алгаа, С.Надмид, Б.Халтар, Ш.Ванчаарай, сэтгүүлч Ж.Бадамдаш, И.Гүрринчин, соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьян, Дамдины Бямбаа нарын олон сайхан сэхээтэнтэй авьяас онгодоо сорьж явсан байдаг. Тэдний цомог зураг нь одоо ч манайд бий. Монголын радиогийн боловсон хүчин Б.Халтар, С.Цэдэв ах, нэрт шатарчин Данзан, ардын уран зохиолч Балжирын Догмид ах нартай их найзална. Догмид ахтай “Шинэ хөдөө”-д хамт ажиллаж байлаа. Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэн ахтай бүүр ч их дотно. Пүүжээ ах надад аавын тухай нэг инээдтэй зүйл ярьж билээ.

-“Аварга”-ын яриа ч амттайхан л юм байгаа даа?

-Яруу найрагч, аавын амьдай Жамцын Шагдар ах, Пүүжээ ах тэр гурав ганц юм өвөртөлж явтал газар унагаад хагалчихжээ. Гожин юмаа унагасандаа харамссан Жам.Шагдар ах ахин дахин эргэж хараад шогшроод явж. Тэгтэл аав “Харах тусам харамсдаг юм. Урагшаа харж яв. Ундармаар их олдоно” гэсэн байгаа юм. (инээв. сур)

-Оюутны ширээнээс ямархан ажлын талбарт очсон бол?

-Тавин найман онд сургуулиа дүүргээд “Залуучуудын үнэн” сонины сурвалжлагчаар очоод 1965 он хүртэл орлогч эрхлэгч, эрхлэгч болтлоо ажилласан. “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч байж байгаад мэргэжлийн зохиолчийн томилолт өвөрлөн Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг зорьж БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, хоньчин Зундуйн Очир гуайг бүтэн жил даган мал маллаж “Эргэх дөрвөн цаг” баримтат зохиолоо бичсэн түүхтэй.

Ш.Суумэргэн аав ээжийн хамт. 1978 он

-Биднийг сурагч байхад таны аавын “Эргэх дөрвөн цаг” сурах бичигт байдаг байсан шүү?

-Байсан. Одоо Хишиг-Өндөр сумынхан жилд хэд гурвыг хэвлүүлж залуу малчдад гарын авлага болгон өгдөг юм билээ. Энэ баримтат зохиолын амин сүнс нь анхны хоньчин баатар З.Очир гуайн “Мал хайраар өсдөг”, “Би муу малчныг хараад сайн малчин болсон” гэсэн нинжин сэтгэл, ажилсаг чанар юм.

-Аав, ээж хоёр нь тоонот гэрт толгой хэзээ холбож та бүхнийг төрүүлээ вэ?

-Миний ээж М.Найдан Булганы Бугатын хүн. УБИС-д насаараа номын санчаар ажилласан. Тэд минь 1957 онд гэрлэж аавын хэлдгээр “тулгын гурван чулуу” болсон биднийг төрүүлж өсгөсөн. Ууган ах Түмэнжаргал 1959 онд төрсөн, Монгол Улсын олон удаагийн аварга гольфчин байлаа. Тайландад болсон гольфийн тавиас дээш насны ангилалд хүртэл аваргалж байсан. Ах теннис, дартс гээд ер спортын хүн байсан. Бат-Итгэл, Батцэцэг гэсэн хүү, охин хоёртой. Ануухан бурхан болсон ахдаа зориулж би саяхан “Гэгээн үргэлжлэл” номоо хэвлүүллээ. Удаахь ах Цогтжаргал 1961 онд төрсөн, аавын мэргэжлийг өвлөн монгол хэл-уран зохиолын багш болж Булган аймгийн Сансар, Дашинчилэн суманд насаараа багшилж байна даа. Мягмаржаргал, Билэгжаргал, Билгүүн гэх гурван хүүхэдтэй. Миний хувьд 1969 онд төрсөн. Аав, ээж хоёр найман жил амарчихсан юм уу, яасан юм дунд ахаасаа найм дүү л хүн байгаа юм. Эхнэр маань Ч.Саруулням гэж Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, Төмөр замын төв эмнэлгийн их эмч хүн байна. Бид Хонгор, Мөнхжин гэж хоёр хөвүүнтэй. Ууган хүү СУИС-ийн харьяа РТДС-ийн зураглаачийн төгсөх ангийн оюутан, бага БНСУ-д арваннэгдүгээр ангийн сурагч даа. Аав, ээжийн үргэлжлэл болсон үр ач нь олширч л явна. Миний аав хүүхдэд их хайртай, хэний ч үр хүүхдийг хүнийрхэж, зэнзийрхдэггүй болохоор хүүхдүүд өвөр дээр нь эрхэлж тоглосон хүн байлаа. Би аавыгаа дагаж жил бүхэн л Булган нутаг руу нь явдаг хүүхэд байлаа. Багаасаа л унага татаж, айраг уудаг сан.

-Очир баатрыг дагаж жил болж ирээд юу хийж байв?

-Ирээд “Пионерын үнэн”, “Спортын мэдээ” сонинуудын эрхлэгчээр ажиллаж байсан. Хааяа хөөрхөн халамцахаараа “Над шиг гурвын гурван сонины эрхлэгчийн албыг хэл амгүй хашсан хүн байхгүй шүү” гэж цагаахан онгирно оо. Хожим Бурхан шашинтны төвийн “Номын хүрдэн” сонинг эрхлэн гаргаж байлаа. Мөн “Шинэ хөдөө”, “Бодлын солбицол” сонинд ажиллаж, “281-ийн холбоо”-нд төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар, Зундуйн Дорж ах нарын хамт тэргүүлэгч гишүүнээр хүчин зүтгэж явлаа. Аав маань “Монгол адуу”, “Монгол тэмээ” нийгэмлэгүүдийг үүсгэн үндэслэн байгуулсан нийгмийн зүтгэлтэн шүү дээ. Аав ер нь хэнээр ч өөд нь татуулж, хэнтэй ч сундалдаж яваагүй хээгүй монгол эр хүн.

-Жанчивын Шагдар найрагч олон сайхан дуунаас гадна гуч гаруй ном хэвлүүлсэн гэдэг байх аа?

-Анхны ном нь “Тал дахь уулзалт”. Тэгээд “Болжмор хожимджээ” гээд явж өгнө. “Түүчээ тогоруу” номоороо 1979 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн байдаг. Сүүлчийн ном нь “Шувууд буцах цаг”. Алганд багтам жаахан эл номыг аавыг 1993 онд бурхан болсны хойно төрийн шагналт зохиолч, яруу найрагч Дамбын Төрбат ах гаргаж өгч байлаа. Аавын гуч гаруй номыг анхнаас нь сүүлчийг хүртэл анзаарахад хүний амьдрал гэдэг шувуудын цуваа юм, ирж буцах тэр шувуудын цуваа дундаа олон сайхан жигүүртэн хуруулж нөхөрлөөд эцэстээ цагийн жамаар буцдаг юм байна гэсэн философи байдаг. Аав маань ерээд оны эхээр “Чоно бороондын хувилгаан буюу далдын хар малгайтай пүүсийн эзэн” гэсэн тууж бичсэн нь өнөөгийн улс орноо, ард түмнээ бодохоо больсон бэртэгчид, хөрөнгөтнүүдийн үнэн нүүр царайг илчлэн зөгнөсөн зохиол байж.

-Монголын ард түмний аманд аялагдсан олон сайхан дуутай найрагч даа?

-Гавьяат жүжигчин Өлзий-Орших ахын дуулсан “Тод магнай” дууг соёлын тэргүүний ажилтан, дуучин А.Хосбаяр, Д.Мөнхбат нар саяхан дуулж дүрсжүүлсэн. Гол дүрд “Тод магнай” киноны жүжигчин Дорждагва ах маань амилуулсан. Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын хоршин дуулдаг “Хаврын найраг” дуу сайхан клиптэй болсон. Анх энэ дууг дуучин Одмаа эгч дуулсан. Энэ хоёр дуу хөгжмийн зохиолч Хайдавын Сэргэлэн ахын ая зохируулсанаар олноо хүрсэн. Дуучин Хумбагарын Батмэнд хөгжмийн зохиолч Б.Цогоогийн аялгуу “Эх орон танаа” дууг мөн ч сайхан дууллаа. Энэ дууг Гэрэлт-Од ах анх дуулсныг монгол түмэн мэднэ. Монголын радиогоор эгшиглэж өглөөг сэрээдэг

“Хувцсаа түргэн өмсөөрэй

Хурдан гавшгай алхаарай

Найзууд аа, Бүгдээрээ багаасаа

Арвич гамчийг эрхэмлэн

Ажил хөдөлмөрт суралцъя” гэж төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг ахтай хийсэн дуу бий. Аавынхаа унасан газар, амьдран суугаа нутаг хоёрт зориулж миний бие “Багахангайн дуу”, “Нарны бороотой Орхон” гэсэн хоёр дуу бүтээсэн.

-Өөрийг чинь шүлэг бичихийг аав тань мэддэг байв уу?

-“Миний хүү шүлэг бичих гэж хадуурав” гэж наргиж хэлдэг байсан ч сэтгэлийн дуудлага, бодлын хөгөө хөглөхгүй байж чадахгүй юм даа. Саяхан “Сүүлчийн пионерууд”, “Гэгээн үргэлжлэл” хоёр номоо хэвлүүлж, номын хуримаа хийлээ. Аавынхаа гэрэлт үргэлжлэл болж явах юм сан л гэж бодох юм. Аав минь

“Яаж хөлд орсноо би мэдэхгүй

Ээж минь мэднэ

Яаж хэлд орсноо би мэдэхгүй

Ээж минь мэднэ

Яаж амьдарч явааг минь ээж минь мэдэхгүй

Би мэднэ” гэж бичсэн. Хөшөөн дээр нь

“Хүний хайрыг дааж явсан бол миний шагнал

Хүмүүсийн хайрыг татаж явсан бол миний гавьяа” гэсэн үгийг нь сийлсэн дээ. Энэ онд Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн түүхт ой болно. Тиймээс Булган аймгаас төрсөн хайрт аавынхаа “Эх орон танаа” хэмээх эгшиглэнт дурсамж тоглолтыг олноо хүргэх санаа хүүгийнх нь сэтгэлд явдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

Уяхан хийл шиг Загийн голынхон минь урлаг, соёлоороо аймагтаа гайхуулав

Эрдэнийн дээж элс, ургамлаас нь энэ бие тэжээгдэж, усны дээд, уулс талаас нь уянга сэтгэлээ хөглөж хүн болсон элгэн дотно нутаг минь. Хаа ч, хэзээ ч сэтгэлд бодогдож, зүүдэнд үзэгднэм. Зовох цагт сэтгэл ариусгаж ээжийг орлоно. Жаргах үес сэрэмж бүү алд гэж салхин жимбүүрээр санаа бодолд шивнэнэ. Ай, сайхан Загийн гол, Залаа-Чандмань овоо, хаан Чингис их цэргээ авч очин Их Монгол Улс байх уу, Найман аймаг байх уу хэмээх түүхэн дэнсийг тэнссэн эх сайхан нутаг минь. “Монголын нууц товчоо”, Лу “Алтан товч” зэрэг Монголын тулгар түүхэн сурвалжуудад Заг-Байдрагийн голын Хүрэн бэлчрийн тухай хэдэнтээ дурдсан нь уугуул суугуул түмний унага даагаа уралдуулж, адуу малаа адгуулсан алтан чиг нутаг мөн билээ. Хүрэн бэлчирт их хааны есөн өрлөгийн хамт босгосон гэрэлт хөшөө, мөн Чингис хааны их цэрэгтэйгээ хоноглосон Цагаан эрэгт нутгийн хүү Намбарын Түмэнжаргалын авчирч сүндэрлүүлсэн хөшөөд оршин бий. Манай сум бол Сайн ноён хан аймгийн Эрдэнэ засгийн хошуу хэмээн нэрлэгдэж асан халхын ууган хошуудын нэг. Богд хаант Монгол Улсын Олноо өргөгдсөн онуудад энэ нэрээр тэмдэглэгдсэн. Засагт ханы Цахиур Төмөр “Эрдэнэ засгийн унага нь эрвэлзүүлэнхэн жороо доо. Элст манхан нутагтай даа, эмгэн буурал ээжтэй дээ” гэж хангинуулан хүнгэнүүлдэг чинь манай нутгийн тухай дуу юм. Мөн “Сэрэлт” кинон дээр “Талын таван толгой” гээд жингэнүүлдэг бүсгүй чинь миний нутгийн алдарт дуучин Сүхийн Доной. Заг сум 1924-1928 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Богд хайрхан Уулын хошуу, 1929-1931 онд Цэцэрлэг мандалын аймгийн Богдмарал уулын хошуу гэх болсон түүхтэй. Богдмарал Уулын хошууны Чандмань сум нь Заг гол сум байсан ба даргаар Эрэндоо гэж хүн ажиллаж байсан гэдэг. 1934-1941 онд Архангай аймгийн Заг гол сум болж улмаар 1941 онд Баянхонгор аймаг шинээр байгуулагдахад Архангай аймгаас шилжин ирсэн зургаан сумын нэг нь Заг гол сум байжээ. Заг сум өргөн уудам нутагтай, 14 багтай, мянга гаруй өрхтэй, 4185 хүн амтай байжээ.

Манай сумын нутаг дэвсгэрт Хадат, Шорвогт, Оорцог таван толгой, Ар нарийн, Жаргалант хөндий, Дулаан жалга, Туруут, Хатавч, Үнхэлцэг зэрэг газарт хорь гаруй сүг зураг, агуйн бичиг байдгийг “Хонгор нутгийн өв соёл” номд Ж.Саруулбуян доктор дурдсан байдаг. Мөн Хиргистэйн аманд дөрвөн талдаа 18 буган сийлбэртэй хөшөө, Өвөр Бумбатын аманд хүн чулуун хөшөө хоёр, Хадатын эхэнд хоёр чулуун хөшөө, Шорвогтын Гурван нартын амны хөшөө чулуу, олон тооны хиргисүүрүүд гэхчлэн түүх дурсгалын газар олон бий. Лүнгийн багийн буган чулуун хөшөөдийг хүүхэд ахуй насандаа хөдөлмөр зусланд гарсан ангийнхан маань очиж үзэх их дуртай сан. Бүр хөдөө цайдам нутагтаа эрдэмтэн мэргэдийн судалгаанд ч хамрагдаагүй сүг зурагтай хадад их байдаг. Сүүлийн үед хадны сүг зураг их судлах болсон гүүш Г.Аким абугай очиход дуран дүүрэн зурагтай, дурайтал бичих таамаг нээлт олонтой л ирэх байх. Заг сум Баянхонгор аймагтаа эрдэмтэн мэргэдийнхээ тоогоор эхний гуравт багтдаг нь өвөг дээдсээс уламжилж ирсэн нутаг устай нь холбоотой биз ээ. Манай сумаас Ардыг гэгээрүүлэх яамны сайд Цэндийн Баттөмөр, Цэндийн Намсрай, Бямбын Даваасүрэн нар төрсөн байх жишээтэй. Харамсалтай нь хэлмэгдлийн хар шуурган жилүүдэд цэл залуухан сайд Баттөмөрийг хилсдүүлсэн гунигт түүх бичээртэй үлджээ.

Баянхонгор аймаг ардын уран зохиолч ганцхантай. Тэр нь манай сумын уугуул, Д.Нацагдоржийн болон Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан багш шүү дээ. Хорь ч хүрээгүй насанд минь хонины бэлчээрээс хот хүрээнээ авчирч гэр орондоо суулган, эрдмийн их өглөг хайрласан ачийг нь насад үл мартнам. Баянхонгор гарын таван хуруу шиг цөөн академичтайн нэг нь академич, шинжлэх ухааны доктор, профессор Барнасангийн Пүрэвсүрэн юм. Академич Б.Пүрэвсүрэн бол Монголын Химийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, ШУА-ийн дэргэдэх химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, Байгаль орчны сайдын дэргэдэх эрдэмтний зөвлөлийн гишүүн зэрэг олон сонгуульт ажилтай нэгэн. Заг сумаас шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Бямбажавын Пүрэв-Очир, нийгмийн ухааны доктор, профессор, гавьяат багш Сүрэнхорлоо, эдийн засгийн ухааны доктор Юмдалын Адьяа, Баясгалангийн Ганбат, шинжлэх ухааны доктор, профессор Жанцангийн Бат-Ирээдүй, Болдуухайн Оюун-Эрдэнэ, газар зүйн ухааны доктор Жанчивын Авхинсүх, гео экологийн ухааны доктор Пунцагийн Чимэд, Ламчингийн Мөнхнасан, физикийн ухааны доктор Хундангийн Отгонбат, ХАА-н ухааны доктор Балжиннямын Цэдэнбал, анагаах ухааны доктор Цэнд-Аюушийн Алтансүх, техникийн ухааны доктор Пүрэвдашийн Мөнхтуяа, малын гавьяат эмч Лувсангийн Доржсамбуу, хүний гавьяат эмч Доржийн Шаравнямбуу нарын бахархалт олон хүн төрөн гарчээ. Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэж “Дэлхийн шилдэг удирдагч” цолыг хүртэж байсан хорьдугаар зууны дэлхийн шилдэг сэхээтэн Намбарын Түмэнжаргал, дэлхийн шилдэг удирдагч “Тэрэлж жуулчин” компанийн захирал Доржхорлоогийн Бямбасүрэн нараараа Загийнхан бахархдаг. Н.Түмэнжаргал эдүгээ говийн баавгай мазаалайг хамгаалахын төлөө мэдлэг чадвараа зориулж явна.

Энэ нутгаас улсын аварга малчин гэхэд арван хоёр, алтан хурганы эзэн нэг, аймгийн аварга малчин хорь гаруй, спортын мастер найм, дэд мастер тав, улсын алдарт уяач хоёр, аймгийн алдарт уяач арван зургаа, Сүхбаатарын одонтой долоо, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой хүн арван найм, Алтан гадас одонтой 76 хүн төрсөн байх жишээний. Буянт сүргийн эзэд маань энэ онд малаа таван төрлөөр өсгөж 173 мянган мал тоолуулжээ. Саяхан Заг сумынхан нутгаа сурталчлах соёлын өдөрлөгийг Баянхонгор аймгийн төвд нижгэр зохион байгуулав. Аймаг, сумдын удирдлагын санаачлага дор соёлын өдрүүдийг “Заг сайхан нутгийнхаа түүх, домгийг хэн сайн мэдэх вэ” уралдаан, сургалт сурталчилгааг түүх нийгмийн багш, сургалтын менежер Д.Ариунтунгалагаар ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан нь залгамж хойчид оюуны гэрэл тусгасан үйл явдал болж. Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсангийн нэрэмжит хүүхдийн яруу найргийн тэмцээнийг Баянхонгор аймгийн “Номун далай” цогцолбор сургууль дээр хоёр үе шаттай явуулж, сүүлийн шатанд 62 сурагч оролцон Баян-Өндөр сумын сурагч, улсын “Хүрэл тулга” яруу найргийн наадмын тэргүүн шагналт өсвөрийн найрагч А.Жадамба, ахлах ангийн ангилалд “Соого Сейко” сургуулийн сурагч, яруу найрагч Дагдангийн Тунгалаг нар тэргүүлэн, дэд байрт Заг сумын сурагч Н.Баярмаа, “Номун далай” сургуулийн сурагч Д.Азжаргал нар, гутгаар байрт “Эрдэнэмандал” ахлах сургуулийн сурагч Х.Сумъяабазар, “Номун далай” сургуулийн сурагч С.Гантуяа нар шалгарч ардын уран зохиолч Билгүүн номч Бямбын Ринчений тухай ном, мөнгөн шагналын эздээр тодорлоо. Ерэн насны даваа өөд мацаж яваа өвгөн найрагч Хонгор нутгийнхаа ирээдүй болсон найрагч охид, хөвгүүдэд дэлхийн таван хэлнээ орчуулагдсан “Өгсүүр замын дуу” ганц шүлгийн номоо гардуулахдаа монхорынхоо хажуу дахь ёнхорт баярын сувд гялалзуулж байсныг дурдах нь зөв байх. Мөн “Гэр бүлийн боловсрол-Гэр бүлийн аз жаргал” илтгэлийг Заг сумын уугуул, “Улаанбаатар” их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, профессор Болдуухайн Оюун-Эрдэнэ уншлаа. Хүүхдийн “Тэмүжин” театр дүүрэн сонсогчид оролцож төр улсын тулгуур болох гэр бүлийг аз жаргалтай байлгах чухал хэрэгцээтэй сургалтыг халуун дулаан уур амьсгалаар хүлээн авч сонслоо.

Тэрчлэн шатрын спортын дэд мастер, аймгийн хоёр удаагийн аварга Эрдэнэцогтын Мөнхбаяр, 100 буудалт даамны дэд мастер, аймгийн шатрын дөрвөн удаагийн аварга Доосүрэнгийн Мөнхзаяа нарын нэрэмжит шатрын тэмцээн насны хоёр ангиллаар болж, 60-аас дээш насны ангилалд 26 шатарч оролцон тэргүүн байрт М.Доосүрэн, удаад Л.Энхсайхан, гутгаарт Б.Лхагвасүрэн, 18-59 насны ангиллын тэргүүн байрт спортын мастер Ц.Одонгэрэл, хоёрдугаар байрт О.Хадбаатар, гуравдугаар байрт П.Баттүвшин, эмэгтэй шатарчдын нэгдүгээр байрт Д.Амарсанаа, удаад Д.Хандсүрэн, гуравдугаарт Т.Наранцэцэг нар орлоо. Монгол Улсын мэргэн Шагдарын Мөнх-Одын нэрэмжит шагайн харваан тэмцээний цуваа харвааны төрөлд нийт 117 харваач оролцсоноос Баян-Өндөр сумын харьяат, Монгол Улсын мэргэн Оргодолын Загдсүрэн түрүүлж, Баян-Овоо сумын харьяат, аймгийн хурц мэргэн Доржсэмбээгийн Цэдэвсүрэн удаалан, Шинэжинст сумын харьяат, Монгол Улсын мэргэн Бум-Очирын Батбаяр гурваллаа. Багийн харваа төрөлд 13 багийн 117 харваач оролцсоноос тэргүүн байрт Баянцагаан сумын харьяат, Монгол Улсын мэргэн Сүхдалай ахлагчтай баг, хоёрдугаар байрт Шинэжинст сумын харьяат Монгол Улсын хошой мэргэн Бүрэнтулга ахлагчтай баг, гуравдугаар байрт Заг сумын уугуул, Монгол Улсын мэргэн Шагдарын Мөнх-Од нарын баг шалгарлаа. Аймгийн хурц арслан самбо, жүдогийн спортын мастер Баасангийн Баасанбат, аймгийн арслан М.Батсуурь, аймгийн арслан, жүдогийн спортын мастер Б.Баярсайхан, аймгийн арслан Даваажанцангийн Батбаяр, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох нарын нэрэмжит Үндэсний бөхийн барилдаан тавдугаар сарын 24-ний морь цагт ёслол төгөлдөр эхэлж, аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасан, ИТХ-ын дарга Т.Нямжаргал нар үг хэлж Аймгийн арслан Б.Баасанбат, Б.Баярсайхан, Д.Батбаяр, цэргийн арслан Д.Цэрэнтогтох, аймгийн заан Жуухааны Баянжаргал, Дагвын Сайнбилэг нарт гүн хүндэтгэл үзүүллээ. Арслангуудын нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү түрүүлж, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох үзүүрлэн, шөвгийн дөрөвт аймгийн арслан Чойжингийн Баасанбат, аймгийн заан Батбаярын Жамбалдорж нар үлдэж уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзлээ.

Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Юнрэнгийн Мөнхжингийн нэрэмжит үндэсний сурын харваанд улс, аймгийн цолтой 11, залуу харваач 33, өсвөрийн харваач 19, нийт 63 харваач цэц мэргэнээ сорин оролцсоноос насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд Баянхонгор аймгийн Баянлиг сумын Б.Амартүвшин тэргүүлж, дэд байрт Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Шүүхийн шинжилгээний харваач, аймгийн хошой мэргэн Б. Мөнх-Эрдэнэ, гуравдугаар байрт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат залуу харваач Ц.Төмөрчөдөр, дөрөвдүгээр байрт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат нэгдүгээр зэргийн харваач Б.Лхамсүрэн, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат аймгийн мэргэн Н. Баяртайван, эмэгтэй төрөлд Баянхонгор аймгийн Жаргалант сумын харьяат, “Эрдэм” ахлах сургуулийн харваач Ш. Гавьяасүрэн түрүүлж, аймгийн дархан мэргэн Н.Наранжаргал, спортын дэд мастер Л.Мөнхзаяа, Ж. Хашбат, Б.Мөнхшүр удаахь байруудыг эзэлсэн бол хөвгүүдийн төрөлд А. Билгүүнбаяр түрүүлж, О.Бат-Итгэл, Л.Баттулга, Очирхандын Билгүүнтөгөлдөр, Л.Өсөхбаяр шагналт байруудад орлоо. Охидын төрөлд Х.Мөнхжин түрүүлж, Т.Азжаргал, А.Мөнхжин, О.Саруул, Ж.Халиун нар цэц мэргэнээ сорьж үзэгч олныг баясгалаа. Эндээс нэг зүйл анзаарахад Үндэсний сурын спорт сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа нь тодорхой байв. Волейболын спортын мастер, 2017 оны софт волейболын улсын аварга Жуухааны Ганчулууны нэрэмжит тэмцээнийг дөрвөн насны ангиллаар зохион байгуулснаас 60-аас дээш насны тэргүүн байрт “Хонгор хайрхан” О.Баатарсүрэн ахлагчтай, дэд байрт Заг сумын Д.Шаравнямбуу ахлагчтай, гуравдугаар байрт “Боргиот” М.Долгорсүрэн ахлагчтай багууд, 50-59 насны тэргүүн байрт Биеийн тамир спортын газрын О.Дашдаваа ахлагчтай, дэд байрт Заг сумын Ж.Баянжаргал ахлагчтай, гуравдугаар байрт “Эрдэм” ахлах сургуулийн Очирбат ахлагчтай багууд орсон юм. Мөн 40-49 насны нэгдүгээр байрт “Эрдэм” ахлах сургуулийн Ж.Батсайхан ахлагчтай, дэд байрт Галуут сумын Баянмөнх ахлагчтай, гуравдугаар байрт Заг сумын Лхасүрэнгийн Ариунболд ахлагчтай багууд, 35-39 насны нэгдүгээр байрт БТСГ-ын Д.Арцад ахлагчтай, дэд байрт “Эрдэнэ мандал” ахлах сургуулийн Батцэцэг ахлагчтай, гуравдугаар байрт Заг сумын Б.Хүрэлбаатар ахлагчтай багууд шалгарлаа.

Спортын уралдаан тэмцээнүүдээс гадна Заг сумынхны бахархал болсон урлаг соёлынхон ч ая дуугаа өргөж ард олноо баясгав. Мэргэжлийн урлагийнхан оролцсон тоглолтыг баянхонгорчууд тасалбар худалдан авч үзсэн бөгөөд үнэхээр олны сэтгэлийг хөглөж, итгэлийн гэгээ хайрласан үзвэр болсон юм. Тоглолтод Ваанчиг эмчийн хүү Батзориг “Хөсөгтөн” хамтлагаа, Дашзэгвэ багшийн хүү Мөнхсайхан “Жонон” хамтлагаа, Заг сумын уугуул, алдарт тууварчин Лодойн ач хүү Г.Пүрэвдагва “Увертюра” хамтлагаа тус тус бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачин, урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Даваасүрэнгийн Отгонжаргал, уртын дуучин Пагмадулам нар уянгат сайхан эгшиг дуугаараа Заг нутгийн олноо болон Хонгор нутгийнхнаа баясгалаа. Басхүү Загийн голоосоо хүрэлцэн ирсэн соёлын тэргүүний ажилтан Сүхбаатарын Бааст тэргүүтэй ардын авьяастнуудын “Эгшиглэнт Хүрэн бэлчир” тоглолт ч нүд баясгаж, сэтгэл хөглөм сайхан болсныг ус нутгийн хүүгийн хувьд хэлэхээс аргагүй байна. “Уяхан хийл шиг Загийн гол минь” гэж уйдашгүй залуу насандаа хэлсэн шүлэг юүгээн эл олон алдартан чуулсан тайзнаа уншаад буухын цагт тэнгэрт одсон өвгөд буурлуудын минь гэгээн харц ширтэж байх шиг цаанаа л нэг уяралтай байлаа даа.


Categories
мэдээ цаг-үе

Шатарын Энхбаяр: Арлаан гуай Эрдэнэ-Очирыгоо бичгийн хүн болно гэдэгт гүнээ итгэдэг байсан

Ш.Энхбаяр, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир. 1991 он. Хонхны баярын үеэр

Монголын зохиолчдын эвлэлийн Дорноговь аймаг дахь “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяртай уулзаж дурсамж яриа өрнүүллээ. “Сэтгэлийн хураангуй”, “Зүрхний хураангуй” номуудаа уншигчдад өргөн барьсан тэрээр сод билэгт яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очиртой нэг ангид хамт суралцаж байсан унаган багынх нь анд аж.


-Яруу найрагч А.Эрдэнэ-Очир, УИХ-ын гишүүн, яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг та гурав сурагч ахуйн нэг ангийнхан байх аа?

-Би Дорноговь аймгийн Мандах сумын сургуульд гуравдугаар ангиа төгсөөд Сайншанд хотын нэгдүгээр арван жилийн сургуульд дөрөвдүгээр ангидаа шилжин ирсэн юм. Наян дөрвөн оноос хойш Ээгий (Арлааны Эрдэнэ-Очир.сур)-тэйгээ үерхэж нөхөрлөсөн. Эрдэнэ-Очир, яруу найрагч Мөнхцэцэг бид гурав 4Г ангиас арваа төгстөл хамт суралцсан. Бид ийм л хар багын найзууд. Намайг дөрөвдүгээр ангид шилжиж ирэхэд манай Эрдэнэ-Очир биднээс нэг хоёр ах болохоор ч тэр үү, ангийнхнаасаа нэлээд биерхүү, ном уран зохиолд дуртай, хүнийхээ хувьд дүнжгэр сайхан, нөхөрлөчих хөвгүүн харагдаж байсан. Миний мэдэхээр тавдугаар ангиасаа шүлэг бичсэн. Намайг ном их уншдаг болохоор ч тэр үү, анд маань хань бараа татна. Би зургадугаар анги төгсөх жилээ шүлэг бичиж эхлэхэд анхны шүлгийг маань уншиж “Чи хоёр гурван шүлэг биччих. Чамайг аймгийн утга зохиолын нэгдэл дээр дагуулж очъё” гэж байлаа. Хорь гучин шүлэг биччихсэн хүн чинь намайг бодвол зохиолчийн зангараг суугаад зүгширчихсэн, наддаа нэлээн том яруу найрагч шиг санагддаг байсан.

-Шүлгээ бичсээр утга зохиолын нэгдэлд очив уу?

-Аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгч нь яруу найрагч Хандын Цэрэндорж багш минь байв. Ээгий намайг дагуулж очих үед Мөнхцэцэг надтай зэрэг шүлэг бичиж эхэлсэн байх. Манай ангийнхан чинь бүгдээрээ шүлэг бичдэг их сонин анги байсан. Ардын уран зохиолч Балжирын Догмидын охин Содчимэг, Хөгжилмаа гээд охид байна. “Арай онцгой анги байсан учир ийм хэмжээний хүмүүс төрөх нь аргагүй” гэж багш нар ярьдаг юм.

-Найрагч ямар зан байдалтай хүүхэд байв?

-Манай Эрдэнэ-Очир чинь дэггүй гэх нь хаашаа юм, их сэргэлэн, хөдөлгөөнтэй хүүхэд байсан шүү. Аав Арлаан гуай нь хүүгээ их сайхан хүмүүжүүлсэн. Бас их ч эрхлүүлсэн. Манай хүн чинь зургадугаар ангидаа “ИЖ” мотоцикль унаад давхидаг хүүхэд байлаа. Наймдугаар ангид байхдаа охидоо сундлаад давхина.

-Хүүдээ хайртай аав байжээ?

-Аймгийн номын дэлгүүрт ирсэн хамгийн сүүлийн үеийн уран зохиолын гайхамшигтай номуудыг аав нь хүүдээ мөнгө хайрлахгүй авч өгнө. Заримдаа намайг дагуулаад явна. Арлаан гуай чинь бор халзан зуут гаргаж ирээд л хүүгийнхээ хүссэн номыг авч өгнө гээч. Хүүгээ бичгийн хүн болно гэдгийг аав нь аль эрт мэдчихсэн хүн байлаа. Би сайн санадаг юм, нэг удаа 25 төгрөгийн үнэтэй сумтай цагаан үзэг авч өгч байсныг. Эрдэнэ-Очирыг зохиолч Догмид ахад дагуулан очиж шавь оруулж байсан. Мөнхцэцэг бид хоёрыг манай Эрдэнэ-Очир л үндсэндээ уран зохиолын замд хөтлөн оруулсан даа. Арлаан гуай ерээд онд бурхан болсон. Яагаад ч юм надад “Хойшид намайг байхгүй болох үед найзыгаа түшиж тулан оонын эвэр шиг явах хүн чи шүү” гэж гэрээс ч юм шиг үг үлдээж байсан. Эрдэнэ-Очиртоо зориулж 2014 онд нэг шүлэгтээ энэ тухай оруулсан.

Ш.Энхбаяр, Г.Мөнхцэцэг, А.Эрдэнэ-Очир. 2013 он. Заан Тэрэлжид

-Бараг багш тань гэж хэлж болох нь байна шүү дээ?

-Яах аргагүй бидний түүчээ. Ядахдаа биднээс нэг хоёр жилийн өмнө шүлэг биччихсэн гэдгээрээ ч том шүү дээ. Их сайхан шүлгүүдтэй. Бид хоёроос өмнө “Пионерын үнэн” сонинд хэд хэдэн шүлэг нь хэвлэгдчихсэн болохоор аргагүй л түүчээ юм даа.

-Эрдэнэ-Очир найрагч гэгээн сайхан сурагч насны гэрэлт хайрын тухай олон шүлэг бичсэн байдаг. Бодит ахуйгаас сэдэвлэж л бичсэн байлгүй?

-Манай ангид Ариунболд гэдэг хүү, Батхишиг гэж охин байлаа. Тэр Ариунболд маань Батхишигт их сайн. Тэр хоёрт зориулаад

“Алхаанд нь цэцэгс мэхийн ёсолдог

Нүдэнд нь хөвгүүд тогтож эргэлддэг

Ангидаа бодолд дарагдаж чимээгүйхэн суудаг

Ариунболдыг урдаа суулгаж арагшаа харуулсан Батхишиг” гэсэн дөрвөн мөрт шүлэг хүртэл зориулсан байдаг.

-“Миний цуглуулсан хорвоо” түүврийнх нь хамгийн эхний “Батхишиг” гэсэн шүлэг байна шүү?

-Наян найман онд бичсэн шүлэг гэдгийг би сайн санаж байна. Сурагч насныхаа гэгээн гоё үе, нутаг орныхоо тухай утга уянгын сайхныг их бичсэн дээ. Биднийг олон шүлэгтэй болоход Цэрэндорж багшийн маань зөвлөгөө их тус болж, Эрдэнэ-Очир бид хоёрыг их шахаж шаардсан ч нөлөөлсөн. “Гурвуулаа номоо гаргая. Багш нар ч их юм хүлээж байна” гэж Эрдэнэ-Очир маань бид хоёрыг удирдсанаар “Бэхэн цэнхэр өдрүүд” хамтын номоо есдүгээр ангидаа 1990 онд гаргасан. Дорноговийн “Ялалт” сонины сурвалжлагч Ц.Бандихүү хэвлүүлж, манай сургуулийн захирал Чойбаатар гурван мянган номын үнийг төлж байсан. Цэрэндорж багш маань өмнөх үгийг нь бичсэн. Тэр жил Эрдэнэ-Очир улсад “Найргийн даага” наадамд, Мөнхцэцэг “Хүрэл тулга”-д, би аймгийнхаа “Алтан бийр” наадамд түрүүлж байлаа.

-Нэг ангид гурван наадмын түрүү магнай, аваргууд нэг жилд төрж байж шүү дээ?

-МЗЭ-ийн дарга Бавуугийн Лхагвасүрэн гуай биднийг утга зохиол сурталчлах өдөрлөгт оролцуулахаар их дуудна. Яруу найрагч Шагдарсүрэнгийн Цогт биднийг хариуцдаг байлаа. Б.Ичинхорлоо ерэн онд “Болор цом”-д түрүүлчихсэн. Яруу найрагч Нямбуугийн Билгүүн, Базаррагчаагийн Бат-Орших бид чинь нийлээд Улаанбаатар хотын байгууллагууд, аймгуудад очиж шүлгээ их уншсан шүү. Аравдугаар анги төгсөх гээд байдаг. Биднийг үе үе дуудах. Хичээл нэлээд цалгардсан. Багш нарынхаа дэмжлэгээр л аравдугаар ангиа төгсөж байлаа. Сургуулиа төгсүүт нөгөө хоёр маань УБДС дээр нээгдсэн утга зохиолын анхны ангид элсэж, би МУИС-ийн сэтгүүлчийн ангид орсон. Оюутан байхдаа гэрээс ирсэн боов боорцгоо хуваалцах гэж бие биеэ хайж гүйдэг дотнохон амьтад байв даа. Арван төгрөг байсан ч тав таваар нь хувааж авна. Бид гурав чинь “Ялалт” сонинд мэдээ бичдэг өсвөрийн сурвалжлагчид байлаа. “Сурагч бичиж байна” булан хөтөлнө, бид гурвыг урамшуулж бүтэн нүүр ч гаргаж өгнө. Багаасаа л сонины редакци, хэвлэх үйлдвэрээр эргэлдчихсэн хүүхдүүд байсан даа. Манай ангид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ганбаатар, “Хүрээлэн” төслийн М.Буянбадрах, модернист Ч.Мөнхбаяр, “Аз хур” хэвлэлийн компанийн орчуулгын редактор Б.Бат-Амгалан, Цэдэнбал даргын хувийн зурагчин байсан Цэрэнжамц гуайн хүү Онон, “On@off” продакшны Нансалмаа, зохиолч Б.Шүүдэрцэцэг, “МОНЦАМЭ”-гийн сэтгүүлч Туул, “News.mn”-ийн Цээпилмаа нар суралцаж төгссөн.

-Та нар “Хурмаст тэнгэр” утга зохиолын нэгдэлд явж байхдаа Говийн догшин ноён хутагт Равжаагийн музейд хонож өнжин шүлэг найргаа уншдаг байсныг бурхан болооч их ярьдаг сан…

-Манай утга зохиолын нэгдэл 1954 онд байгуулагдсан түүхтэй. Цэрэндорж багш, аймгийн Засаг дарга Л.Одончимэд гуай нарын санаачилгаар 1992 онд “Хурмаст тэнгэр” төв гэсэн оноосон нэртэй болсон юм. Ерэн нэгэн оны наадмаар Равжаагийн музейг байгуулахад гар хөлийн үзүүрт гүйж дээврийнх нь хонхыг захиж, Мөөжиг маань цонх шилийг нь арчиж цэвэрлэж явлаа. Яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Эрдэнэ-Очир хоёр энд жижүүрээр ажилладаг байлаа. Шөнө манаатай хоноход нь утга зохиолын төвийнхөн очиж найраг шүлгээ уншиж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлнэ. Музейн үзмэрүүд ил байна. Тэр үед ямар шилэн хорго ч гэж байсан биш. Хүүхдүүд болохоор сэлмээр нь байлдаж тоглох, хутагтын дээлийг өмсөн, малгайг духдуулж “Би хутагттай адилхан байна уу” гэж ширээ сандал дээр нь суух энүүхэнд байлаа. (инээв. сур)

-Хүний гавлын ясаар хийсэн номын аяганаас нь дарс хүртэж байсан гэдэг бил үү?

-Бид хүүхэд байсан. Томчуул л гавлын ясан аяганд нь архи сөгнөж уусан байх. Барьж үзэхийн хувьд хамаагүй барьж үзнэ. Сүүлд харин хаш аягаар нь рашаан хүртэж л байсан. Музей бидний хувьд хэзээд нээлттэй байдаг байсан.

-Би энэ бүхнийг сайндаа ч мэдээд байгаа юм биш л дээ. С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуулийн нэг ангийн оюутан найз яруу найрагч Х.Сүглэгмаа, Анандын Байгалмаа хоёр “Хурмаст тэнгэр” төвийн гишүүд байсан гээд ярьдаг байснаас л иймэрхүү ойлголттой болсон хэрэг?

-Бид яг нэг үеийн гишүүд. Байгалаа, Сүглэг хоёр маань тэр үед бидэнтэй л хамт байсан. Манай утга зохиолын нэгдлээс чинь 13 хүн Монголын зохиолчдын эвлэлд элссэн. МЗЭ-ийн шагналтай уран бүтээлчид гэхэд 15 хүн байна.

-Эрдэнэ-Очир найрагч “Саран хөхөө” театрын даргаар нэгэн үе ажилласан даа?

-Манай хүн чинь УБДС-ийг төгсөж амжилгүй нутагтаа очсон. 1998-2000 он хүртэл “Саран хөхөө” театрын орлогч даргаар ажилласан. Би ерэн таван онд сургуулиа төгсөж очоод “Ялалт” сонины эрхлэгч болтлоо ажилласан. Хоёулаа “Нутгийн амьдрал” гэж сонин гаргаж, эрхлэгчээр нь Эрдэнэ-Очир ажиллаж овоо ч захиалгатай болж байсан. “Нутгийн хүүхдүүд” гэж сониноо үргэлжлүүлэн гаргаж дөрөв таван жил амжилттай ажилласан. Сүүлдээ “Нутгийн хүүхнүүд” гэсэн сонин гаргая гэж марзаганацгааж л байлаа. (инээв) Шинэ мянганы сонгуулиар Ээгий маань Улаанбадрах сумандаа МАШСН-аас нэр дэвшиж ялалт байгуулан сумын Засаг даргаар ажиллах болсон ч аймгийн МАХН-ынхан батлаагүй учир нийслэл рүү шилжсэн дээ.

-Ангийнхантайгаа аль хэр холбоотой байв?

-Манай ангийнхан чинь их ээнэг. Ойрмогхон гэхэд төгсөлтийн хорин жилийн ойгоо 2013 онд Заан Тэрэлжид тэмдэглэж, 2016 онд бас уулзацгаасан. Мөнхцэцэг маань “Намайг гишүүн болоход та нар маань их зүтгэсэн” гэж ангийнхнаа хотод хүлээж авсан юм. Эрдэнэ-Очирыгоо “UB palace”-д хоёр тоглолт хийхэд бид бүгдээрээ л ирсэн. Жаргал, зовлон бүхнээ л хуваалцаж явлаа. Эрдэнэ-Очирынхоо гурван Уул хөвгүүдийг төрөхөд эмнэлэг дээр дандаа л хамт үүр цайлгаж хүртэл явсан даа. Одоо бид Дорноговиос арван наймуулаа ирчихээд байна.

-Зохиолчдын байгууллагыг танай ангийн хоёр удирдана гэдэг яах аргагүй бахархал шүү?

-МЗЭ хэмээх энэ том байгууллагыг Мөнхцэцэг, Эрдэнэ-Очир хоёр маань удирдлаа. Миний хувьд “Хурмаст тэнгэр” төвөө тасралтгүй 22 жил удирдаж явна. Цэдэнбал даргын рекордыг л бараг эвдэх нь дээ.

-Цэл залуухан андаа та нар тэнгэрт дэвшчихнэ гэж яаж ч мэдэх билээ дээ?

-Долоо хоногтоо хоёр гурван удаа ярих энүүхэнд. Цахимаар байнга л холбоотой байлаа. Дорноговьд манайд очно. Улаанбадрах сумын сургуулиас урихад анддаа бараа болж төрсөн нутагт нь очиж, угаасан уснаас нь амсаж л явлаа. Тэр үед олон адуу худаг дээр шавсан нь их бэлгэшээлтэй санагдаж бид усалж байсан. Яруу найрагч Эрдэнэдалай, ууган хүү Цагаан-Уултай нь хэчнээн сайхан явлаа даа. Найзтайгаа цагаан сарын өмнө хотод уулзан тэднийд хонож өнжсөн минь сүүлчийнх байж. Бурхан болсон орой нь Сайншандад байгаа ээжийнд нь очиход их халуухан байсан. Ээж нь уг нь Хамрын хийдийн ойр тэмээ малаа адгуулан суудаг юм. Намайг хүүгээ л гэж боддог. Миний ээж Сүрэндаваагаар ч Ээгий маань анх орос хэл заалгаж байсан. Ээж минь Эрдэнэ-Очирт хайртай гэж жигтэйхэн. Тэр өдөр ээж нь аймгийн төв дээр байсан. Ээж нь дууг минь сонсоод сандарч мэгдсэн. Одоо яалтай ч билээ, андынхаа ээжийн өвдгийг тэврээд л сөхөрсөн дөө. Хэцүү байсаан, хэцүү байсан.

-Таны дүү хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяртай Эрка маань олон уран бүтээл хамтарч хийсэн биз?

-Тэр хоёр олон сайхан дуу бүтээсэн. Эрдэнэ-Очир маань нэг удаа “Найз нь симфонитой болчихлоо” гэж баярлан ярьж байсан. “Дорноговь руу галт тэрэг хөдлөхөд” шүлгийг дүү уншаад “285 дугаар галт тэрэг” гэсэн симфони бичсэн юм билээ. Дүү маань их гашуудаж байна.

-Оонын хоёр эвэр шиг ижилдэж явахад орчлонд торойтол үлдээдэг жам гэдэг хэцүү юм даа?

-Хэцүү юм аа. Хоёр хоног хоолойгоор ч юм давсангүй. Ганц цурамхийсэнгүй. Хүн хоёр хоног уйлахад нулимс барагддаг л юм байна. Зүрх шимширч байна. Анандын Амар сайдын хэлсэн “Зүрх хагарах лугаа” гэдэг шиг л байна. Энэ хүнд гашууг яаж давж гарна даа, хөдөөлүүлэхэд нь яана даа л гэж эмтэрч байна. (хоолой нь зангираад ярьж чадахаа байснаар бидний яриа өндөрлөв.)


Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Д.Оюунзул: “Гэгээн Муза” наадмын тэргүүн шагналыг хоёр удаа хүртлээ

Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг Гэгээн Муза наадам 14 дэх удаагаа болж, шилдгүүдээ тодруулсан. Энэ жилийн наадамд Хүүхэд оролцооны бүтээл, Драмын жүжгийн, Хөгжимт жүжиг”, Хүүхдийн жүжиг”, Нэг хүний жүжиг-ийн төрлөөр Монгол Улс, ОХУ, Косова, Хонгконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украин улсын 300 орчим уран бүтээлч өрсөлдөв. Драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Black box театрын жүжигчин Дорждэрэмийн Оюунзултай уулзаж ярилцлаа.


Гэгээн Муза наадмын эмэгтэй гол дүрийн тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе!

-Ирландын зохиолч Самуэл Беккетийн “Годо-г хүлээхүй” абсурд жүжгийн Владимирын дүрээр энэ нэр хүндтэй шагналыг авсандаа маш их баяртай байна.

-Жүжигчин болох гараагаа хаанаас эхлэв?

-Би СУИС-ийн жүжигчний ангийг гавьяат жүжигчин Лайхансүрэнгийн Лхасүрэн, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Найдангийн Ганхуяг нарын удирдлага дор суралцаж 2010 онд төгссөн. Л.Лхасүрэн багшийг маань “Гарын таван хуруу”-гийн Шагдарын дүрээр Монголын ард түмэн андахгүй мэднэ. Би Ганхуяг багшаа амьдралын өдөр тутмын үйл явдалд хувь хүн талаас сургаж өгдөг багш юм бол уу гэж боддог. Лхасүрэн багш маань “Урлаг бол алтан тайз шүү. Аятайхан байгаарай” гэж анхнаас нь шавь нартаа хэлдэг хүн.

-Хоёр мундаг багшийн шавь юм байна. Танай ангийнхан ч тасархай авьяас билэгтнүүд байсан байлгүй?

-Би хоёр анги дамжиж суралцсан. Үндсэн ангийнхан маань цөөхүүлээ төгссөн. Анх 35-уул СУИС-д элссэн ч хоёрдугаар курстээ арван нэгүүлээ болсон. Манай Лхасүрэн багш их хатуу хүн. Үүнээс ч өөр юм нөлөөлсөн л байх. Тэр цөөхөн хүүхдээс Гаваасүрэнгийн Оюунтунгалаг АНУ-д урлагийн сургууль төгслөө. Баярсанаа гэж охин театрын өлгий сургууль ОХУ-ын ГИТС-ийг төгссөн. Зургадугаар ангиасаа найзалж СУИС-д хамт элссэн Мөнхчимэг маань БНСУ-д урлагийн сургууль дүүргэсэн. Манай ангийн Ёндоншарав гэдэг залуу УДЭТ-т туслах найруулагчаар ажиллаж байгаад одоо ОХУ-д найруулагчийн мэргэжлээр суралцаж байна. Ганчимэг гэж охин жүжигчнээрээ ажиллаж байна. Барслхагва Кино үйлдвэрт ажиллаж байгаа. Дундговь, Булганы театруудад зарим маань ажиллаж байна. Сүүлд хамт төгссөн ангийнхан маань бүгд урлагийн салбартаа энтертайнмент чиглэлээр ажиллацгаадаг юм билээ.

-Жүжигчний гараагаа ямар бүтээлээр эхэлж байв?

-Найруулагч Найдандорж намайг “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглуулж байсан. “X-ТҮЦ” продакшны тавьсан энэ хятад жүжигт би бага эхнэрийн дүрийг бүтээсэн. Энэ хүү жүжигт тоглосноор “Black box” театрт орох үүд хаалга нээгдсэн. Үүнээс өмнө тоглолт энэ тэрд оролцож, телевизийн нэвтрүүлэг хөтлөөд явж байсан.

-Өөрөө урлагийн гэр бүлээс гаралтай юу?

-Манай удамд яг урлагийн мэргэжил эзэмшсэн хүн байхгүй. Харин нөхрийн талынхан маань “UBS” телевизийн гүйцэтгэх захирал Баяр зэрэг урлагийн хүмүүс байгаа. Эмээ нь гэхэд “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад тоглож байсан Нансалмаа гэдэг жүжигчин байсан юм билээ. Манай ээж Дэлгэрмаа Дундговийнх. Урлаг уран сайханд дуртай, сайхан дуулдаг, эвлэлийн ажилтан хүн. Аав маань сургуулийнхаа атаман байсан гэсэн. (инээв. сур) Одоо бурхан болсон л доо. Аав, ээж хоёр маань хоёул эмч мэргэжилтэй. Манайх намайг хүүхэд байхад адуу малтай, айраг цагаатай айл байлаа. Дундговь аймгийн Говь-Угтаал суманд Их газрын чулуунаас нааш хэдхээн километрт өвөлжөөтэй. Манайх өвөлжөөн дээрээ байшин барьж байсан анхны айл шүү дээ. Аав Дорждэрэм маань Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул. Аав, ээж хоёр маань Төв аймгийн Эрдэнэсант суманд нэгэн үе ажиллаж, амьдарч байсан юм билээ.

Гэгээн Муза наадмын тэргүүн шагналыг хоёр дахь удаагаа хүртлээ гэл үү?

-Францын яруу найрагч, зураач, жүжгийн зохиолч, кино найруулагч Жан Коктогийн “Хүний дуу хоолой” моно драмын жүжгээр би 2013 онд моно жүжгийн төрөлд “Гэгээн Муза” шагнал авч байсан. Хүний далдлагдсан ертөнцийг үзэгчидтэй хуваалцсан жүжиг байсан л даа. Энэ моно жүжгээрээ Арабын нэгдсэн Эмират улсад олон улсын фестивальд амжилттай оролцоод ирлээ.

-Самуэл Беккетийн Годо-г хүлээхүй жүжиг хүний оршихуйн тухай хүнд сэдэвтэй, гурван цаг гаруй үргэлжилдэг жүжиг байна лээ. Владимирын дүрд тоглоход хэцүү байв уу. Дэди гээд байсан нь товчилсон нэр нь үү?

-Владимир гээд зохиол дээрээ бичсэн ч гол дүрийн хоёр нэгийгээ Гого, Дэди гэж дуудаж буйгаар гардаг. Алдарт Беккет л өөрөө ингэж бичсэн байдаг. Энэ хоёр нэр нийлэхээрээ Го-Ди болж байгаа. Жүжигт Годо-г хүлээгээд байгаа ш дээ. Тэгэхээр ямраар ч тайлбарлаж болмоор. Нөгөө хүлээгээд байсан хүн нь өөрсдөө ч байж магадгүй байгаа биз. Гэхдээ мэдэхгүй. Үзэгчдэд үүнийг тулгах эрх бидэнд огт байхгүй. Тэр тусмаа абсурд жүжиг шүү дээ.

-Хурц үйл явдалтай жүжиг үзээд дасчихсан болохоор ч тэр үү, өөрийн чинь тоглосон абсурд жүжиг үнэндээ хүндхэн санагдаж байсан шүү?

-Тийм л дээ. Бусад жүжигт бол хутгалаад л, дайн дажин болоод л бужигнуулж өгдөг. Бид ч яахав тайзан дээр байна. Зогсох эрхгүй. Миний ажил юм. Тэр тусмаа ямар нэгэн байдлаар дүрдээ орчихсон байгаа шүү дээ. Таны хэлсэнтэй би санал нэг байна. Анх би жүжиг гэдгийг өөр нүдээр хардаг байсан үед гэнэт өөр орчинд орж тоглоход хэцүүхэн байсан. “Годо-г хүлээхүй” дээр ажиллаад энэ төрлийн жүжгийг илүү их ойлгож авч байна. Галзуу ирланд Беккет өөрөө жүжигчинд хичээл заачихдаг суутан юм билээ. Энэ жүжгийг дөнгөж эхэлж бэлтгэж байхад Мягмар ах “Битгий тэгээд ухаад, ухаараад, задлаад янз бүр болоод байгаарай. Битгий баярла. Бүү гунь. Зүгээр л чи дамжуул” гэсэн. Энэ их амархан сонсогдож байгаа биз?

-Тийм байна шүү?

-Гэхдээ надад ерөөс амар байгаагүй, хэцүү байсан. Сургуулилах тусам биед маань амар болсон. Мяагаа ахын хувьд ойлгохгүй ухаарахгүй тоглох нь бараг зөв гэж үзэж байсан. Энэ чинь 97 хуудас зохиол шүү дээ. Миний хамтрагч Мөнхжаргал ах бид хоёр тайзнаас ганц удаа ч буудаггүй. Тэр Лаки тайзан дээр нэг ч үг хэлэхгүй бөгтийгөөд зогсоод байдаг даа. Үүнийг үзэгч харахад амархан ч юм шиг. Гэхдээ их хэцүү дүр. Учрыг олно гэхээр хэцүү. Олчихоор энэ жүжиг утгагүй ч юм шиг. Гэхдээ бид хоосон бай гэдгийг энэ жүжигт хэрэгжүүлсэн. Бид урьд нь жүжгийн өмнө баахан тээш авч тоглодог байсан. Дүрдээ баахан атмосфер авч ордог шүү дээ. “Годо-г хүлээхүй” дээр юу ч бодохгүй орох ёстой. Энэ их хэцүү даалгавар. Үүгээрээ галзуу ирланд Беккет дэлхийн абсурд жүжгийн эцэг гэгддэг бол уу гэж өчүүхэн би бодож байна. Гэхдээ энэ дүгнэлт биш шүү.

Годо-г хүлээхүй-г ардын жүжигчин Н.Сувд, зохиолч Х.Наранжаргал, урлаг судлаач Дэ.Мягмарсүрэн болон гадаадын шүүгчид хэр хүлээж авсан бол?

-Тэд театрын урлагийг маш гүнзгий ойлгож мэдэрдэг тэргүүлэгч сэтгэлгээтнүүд. Тийм биш байсан бол шүүгчээр суухгүй. Урлагийн мэргэжил эзэмшсэн хүн болгоныг урлагийн хүн гэхэд хэцүү. Би тэр шүүгчидтэй ойр байж “ах аа, эгч ээ” гээд байх боломжгүй байсан. Харин “Гэгээн Муза”-гийн шагнал авахад Наранжаргал шүүгч “Маш их амжилт хүсье” гээд тэвэрсэн. Тэр том хүнд тоогдсондоо баярлаж байна.

-Би Боролдой Мягмар гэдэг хүнийг Монголдоо оюун санааны их хувьсал, хөрөнгө оруулалт хийх гэж зүтгэж яваа соён гэгээрүүлэгч гэж боддог л доо. Black box театрынхаа хамт олны талаар яриач?

-Манай театрын бүх зүйл утга учиртай. Гэхдээ нэг талдаа энэ театрыг ойлгодог үзэгчид цөөхөн юм шиг хэрнээ оюуны өндөр таашаал авдаг асар олон үзэгчидтэй театр. Мэдрэмжийн театр юм л даа. Үзэгч болгон өөр өөрийнхөөрөө ойлгоно гэдэг гоё шүү дээ. Мягмар ах маань маш олон хүнд буян болж байна даа. Одончимэг эгч маань олон жил урлагаар явсан мундаг хөгжмийн боловсролтой хүн. Энэ хоёр маань хоёулаа гадаадад сургууль дүүргэж, тухайн үеийн залууст соёл урлагийн үлгэр жишээгээр нэг алхам түрүүлж явсан хүмүүс. Одоо ч тэр утгаараа оюун санааны хувьд түүчээлж яваа. Залуу үеэ бэлдэж байна. М.Боролдой найруулагч бол аав, ээжийнхээ өндөр боловсрол эзэмшин элит уламжлалыг өвлөн гадаадад сургууль дүүргээд ирсэн хүн. Бид бүгд өөр өөрийн үзэл бодолтой ч энэ жүжгүүд биднийг нэгтгэдэг. Манай театр үндсэн зургаан жүжигчинтэй.

-Кинонд дүр бүтээж байв уу?

-“Ах дүүс” гэдэг кинонд 2010 онд рок охины дүрд тоглож байлаа. Улаан, хар үстэй, савхин хувцастай гардаг даа. Би будаг их авдаг жүжигчин байхгүй юу.

-Дүр чинь их хувирдаг гэсэн үг үү?

-Сайн хувирдаг гэсэн үг. Би жаахан тураад нэг дүрд, жоохон бондойгоод нөгөө дүрийг бүтээдэг гэсэн үг л дээ. Дөчин таван килограмм хүртэл турдаг. Энгийн үедээ тавин килограммтай байдаг.

-Өөр ямар кинонд дүр бүтээв?

-Гавьяат жүжигчин, “Чингис хаан” А.Энхтайван ахын найруулсан “Бардо” кинонд тоглож байсан. Завсрын ертөнцөд хоригдсон сүнсний дүрд тоглож байсан. “Миний ахын эхнэр” кинонд Мягмарнаран ах, том Урнаа эгч нартай тоглож байлаа. “Эр хүн болгож өгөөч” киноны эсрэг дүрд тоглосон. “Боловсрол” телевизийн “Гэрлэн дохио”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” сериалуудад тоглосон шүү. МҮОНТ-ийн “Цоглог” хөтөлбөрийг хөтөлдөг байлаа. Одоо эндээ багшилдаг.


Categories
мэдээ цаг-үе

“Хурд” хамтлагийн хит дуунуудыг төрүүлсэн аав, хүү найрагчид

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН

Тав дахь өдрийг “Баасан эгчийн төрсөн өдөр” гэж ёгтлох болсон. Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шог хошин, баримтат уран зохиолын Үндэсний төвийн гишүүн, ахмадын зөвлөлийн тэргүүлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Нацагийн Даваадашийнд үдэв. Даваадаш гуайг зохиолчид Тангадын Галсангийн төөрч төрсөн дүү гэх нь бий. Учир нь тэр хоёр эцэг эхээс заяасан хамар гээч уулаараа хамаатан садан юм байж. Эрхэм зохиолчийн унасан газар угаасан ус гэвээс Сайн ноён хан аймгийн Сайн ноёны хошуу, ардын хувьсгалаас хойш Ханхөгшин уулын хошуу хэмээгдэж байсан Өвөрхангай аймгийн Уянга сум аж.

Өвгөн бичээч Монгол Улсын анхны Ерөнхий сайд, хошой чин ван, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан “Түүхэн бичвэрийн чуулган” хэмээх намтар, үйл хэрэг, өвөг дээдэс, удам судрынх нь тухай томоохон номыг саяхан хэвлүүлжээ.

Тэрчлэн “Өвөрхангайн дарагдсан эрхмүүд” хэмээх ботийг гаргаснаа дэлгэн барьж байна. Даваадаш зохиолч үүрийн жингээр босож ширээнийхээ ард суудаг үнэхээр хөдөлмөрч нэгэн гэдэг. Тийм ч учраас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж Үндэсний эрх чөлөөний хувьсгалын зуун жилийн ойгоор соёлын гавьяат зүтгэлтэн цолыг олгосон аж. Түүний аав Батжанцангийн Нацаг арваад настайгаасаа Сайн ноёны хүрээнд шавилан суусан унзад хүн байж. Уянга сумын цуутай эрээн модны артелийг Жамцын Чулуундорж гэдэг лам хүн 1938 онд байгуулахад гишүүнээр элсэн нарийн мужаанаар ажилд орсон байна.

Гучин есөн онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж аймгийн До яамны хэлтэст байцаагдаж хоригдож байжээ. Улсын прокурорын газрын 1999 оны 46 дугаар тогтоолоор цагаатгагдсан түүхтэй. Нацаг гуай Дамбын Адьяа хэмээх бүсгүйтэй дайны дараахь он жилүүдэд гэр бүл болж Бямбадолгор, Дашдорж, Даваадаш гэсэн гурван үрийн зулай үнэрлэсэн байна. Айлын отгон хүү Даваадаш 1968 онд Уянга сумынхаа найман жилийн сургуулийн анхны төгсөгч болжээ. Ангийн багш нь Багшийн дээд сургуулийн гадаад уран зохиолын профессор, Монгол Улсын гавьяат багш Д.Болд гэдэг хүн байлаа. Наймаа төгсөөд Өвөрхангай аймгийн арван жилийн сургуульд 14-үүлээ хуваарилагдав. Эднээс багш голдуу мэргэжилтнүүд, хүний гавьяат эмч Т.Анигар, гавьяат хуульч, цагдаагийн хурандаа П.Лувсандорж, соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадаш нарын алдартнууд төрсөн аж. Хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох мөн нэг төгсөлтийнх гэнэ. Даваадашийн аав ээж бурхны шашин шүтдэг хүмүүс байсан учир буян нүглийн талаар их ярьдаг, тиймээс хүү нь аядуу зөөлөн хүмүүжилтэй хүн болон төлөвшжээ. Даваадаш гуай 1969 онд Агаараас эсэргүүцэн хамгаалах 065 дугаар ангид цэргийн албыг гурван жил хаахдаа Улаанбаатар хотод нэг жил, Говь-Алтай аймгийн Цогт сумын Захуй Зармангийн нутаг Баянтооройн салбарт хоёр он улираав гэх. Салбарын дарга нь ахлах дэслэгч Пүрэвээ, гурван оны дал гаруй цэргүүдтэй эр цэргийн он жилүүдийг үджээ. Энэ салбараас хошууч генерал Жалбажав, Хүүхэлдэйн театрын найруулагч Алтан-Очир болон инженер техник, улс төрийн олон ажилтнууд төрөн гарсан байна. ОХУ, Монгол Улсын баатар сансрын нисгэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэхэд Н.Даваадашийн өмнөх 1968 оны цэрэг гэж байгаа.

Цэргийн шинжлэх ухааны доктор, Цогийн Геннадий генерал ахмад цолтой ангийнх нь захирагчаар ирж байж. Даваадаш олон аавын хөвүүдтэй мөр зэрэгцэн алба хаахдаа эр бяр, эрдэм чадал жагссан нэгэн байсан бололтой. Үүний нэг жишээ нь 1971 оны ардын хувьсгалын ойн баяраар жагсаалын дарга, ахлах дэслэгч байхдаа найман цэрэг авч очин барилдаж түрүүлэн сумын заан цол хүртснээс харагдана. Тэр үед Цогт сумын даргаар армийн генерал Батын дорж гуайн дүү Дашзэгвэ ажиллаж байсан бөгөөд наадмын түрүү бөхийг даагаар байлдаг учир “Хугацааны хүн юм чинь” гээд өврөөсөө хөх халзан зуут гарган барьж байсан нь одоо ч санаанаас гардаггүй гэнэ. Сарын чөлөөгөөр шагнагдсан тэрээр “АН-24” онгоц хөлөглөн Арвайхээрт бууж, Уянга сумаа зорьж байж. Цэрэгт байх энэ л үедээ уран зохиолд шимтсэн улаан шүлэгчин болсноо тэр өнөө дурсаж сууна. Говь-Алтай аймгийн утга зохиолын нэгдэл рүү үе үе шилэрнэ. Анагаах ухааны дунд сургуулийн намын үүрийн дарга зохиолч Д.Сүрьеэ нэгдлийн эрхлэгчээр ажиллана. Төрийн соёрхолт зохиолч Далхаагийн Норовыг Шарга суманд ажиллаж амьдарч байхад сайхан танилцаж, Д.Сүрьеэ дарга ч “Норов та хоёрын шүлгээр “Хоёр нэр, хоёр мөр” нэртэй шүлгийн ном гаргана” гэж урам хайрлаж байсан аж. Цэрэгт байх тэр гэгээн үе нь Даваадаш хүүд гэрэл гэгээтэй олон сайхан сэтгэгдэл үлдээжээ. Хангайн хүн говийн аж байдалтай танилцана гэдэг чухамдаа шинэ ертөнцийг нээсэнтэй адил санагдах. Үгүй ядахнаа л Ээж хайрхан гэж тэр сайхан уулын бараа нь домогтой сүлэлдэн амилж яруу сайхны тэмүүллийг хайрлана. Цэргээс халагдаж ирээд Уянга сумандаа хоёр жил дараалан түрүүлж дархан заан цол хүртсэн байна. Түүний ах аймгийн заан Дашдорж дүүгээ барилдуулахын улаан дон. Гэвч, Н.Даваадаш эр биеийн хүчинд дулдуйдахыг бодолгүй эрдэм номын зүгт сэтгэлээ бэлчээнэ.

Ингээд багш С.Чойхүүгийн зөвлөснөөр бага ангид багшилж эхлэв. Багшлахын зэрэгцээ уран бүтээлээ туурвисаар. Утга зохиолын нэгдлийн эрхлэгч, доктор С.Шааман гэдэг хүн дээр шүлгээ үе үе барьж очно. Хойтон жил нь УБДС-д элсэн 1980 онд дүүргэв. Улсын багшийн дээд сургуульд тэрээр доктор Д.Цэнд, Д.Болд, Лодойдамба зохиолчийн дүү Чадраабалын Цэндсүрэн, Равжаа судлаач Д.Цагаан, М.Базаррагчаа, “Хайрхан уулын бараа” дуугаараа алдаршсан Д.Отгонсүрэн, Бямбажавын Пүрэв-Очир, Ц.Өнөрбаян, Бямбасан, профессор Дамдинжав, академич Д.Төмөртогоо нарын эрдэмтэн мэргэдээс номын хишиг хүртсэн байна. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймгийн Богд сумын сургуульд 1980-1986 онд захирал, аймгийн намын хорооны ахлах лектор, сумын намын хорооны дарга зэрэг ажлыг 1986-1990 он хүртэл хийж, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын даргаар 1993-1996 он хүртэл ажиллахдаа “Хурд” хамтлагийн олон сайхан дууны аялгууг зохиосон хөгжмийн зохиолч С.Ишхүү нарын уран бүтээлчийг урлагийн замд хөтөлжээ. Тэр ер нь намын ажил хийж байх үеэсээ л уран бүтээлч сэхээтнүүдтэй үзэл бодлоо хуваалцдаг сэтгэлийн их садан байж. Богд суманд ажиллаж байхдаа хөгжмийн зохиолч С.Чойсүрэн, Бат-Өлзийд “Орхоны шуугиан” роман туурвисан зохиолч Д.Равдан, Чойномтой хамт хэлмэгдсэн яруу найрагч Бямбын Очирхуяг нартай үй зайгүй нөхөрлөж ирсэн байна.

Найрагч Даваадаш 1973 онд Нарийнтээл сумын уугуул, эх баригч эмч мэргэжилтэй Ю.Чимэддагватай тоонот гэрт толгой холбон ууган хүү, таван охины аав эжий болжээ. Хүү Болд, охин Болдмаа нар нь утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжилтэй, охин Болормаа нь эдийн засагч бөгөөд эдүгээ БНХАУ-д магистрт сурч буй бол охин Баярмаа нь аавынхаа мэргэжлийг өвлөж багш болжээ. Охин Болор нь хэвлэл мэдээллийн ажилтан зураглаач. Одоо Бээжин хотноо магистрт сурч байна. Отгон охин Анар эх орондоо эдийн засагчаар ажиллаж буй. Ийм нэгэн өнөр бүл нийслэл хотноо амар жимэр аж төрж байна. Сэлбийн арслантай гүүрийн зүүнтэйх Баянзүрх худалдааны төвд цагаан идээ наймаалах Чимэдээ эгчийн лангуунаа Монголын нэрт уран бүтээлчид зочлох нь олонтаа. Т.Очирхүү, Ш.Уянга, Доржийн Гармаа, зураач яруу найрагч Мягмарын Амархүү нар бүрзэнтэй очоод улаа бутраад гардаг байсан гэж байгаа. Нацагийн Даваадаш Өвөрхангай аймагт ажиллаж амьдарч байх үеэс уран бүтээлийн бүхэл бүтэн нэгэн үеийг араасаа дагуулж, амьдрал-уран бүтээлийн их далайд замчилсан ачтан бүлгээ. Тэр хэдийгээр би тэдний багш нь гэж ил чанга хэлэхгүй ч яруу найрагч гэзэгт хэмээх Данзангийн Алтангэрэл, Д.Гөлөгдэмбэрэл, “Симба” сонины эрхлэгч, яруу найрагч Сэнгийн Адьяасүрэн, П.Жаргалсайхан, Жунайн Даваасүрэн, Б.Батнасан, зохиолч Б.Жамбалсүрэн, зураач Пүлжийн Энхтөр, А.Батбаяр, Р.Баярсайхан нар түүнийг дагаж уран бүтээлчийн цээнд хүрсэн бол “Болор цом”-ын хошой тэргүүн шагналт, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, Монголын үндэсний номын сангийн захирал Баярхүүгийн Ичинхорлоо, түүхэн романч Б.Сарантуяа нар сурагч ахуй цагаасаа түүнээс урмын үг сонсож уран бүтээлчийн жигүүр дэлгэсэн дэгдээхэйнүүд юм. Театрын дарга байхдаа сургуулийн цагаан хормогчтой бяцхан охидыг дагуулан явж шүлэг уншуулан хоригдлуудыг уйлуулж байсан удаатай. Тэрчлэн Хархорины гэрэлт найрагч Сольтогтохын Дамдиндоржийг алдарт “Жимсний бөөр” түүврээ гаргаагүй байх үед ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол абугай түүнд “Танай Дамдиндорж гэж мундаг хүү бий. Танилцаарай” гэж захиа бичиж байсан түүх бий.

Нэрт шүүмжлэгч Т.Доржпүрэв Хархоринд уран зохиолын багшаар ажиллаж байх үед уулзаж учран уран зохиолын халуун яриа өрнүүлж явсан байдаг. Даваадаш найрагчийнх номон далай гэдэг шиг айл юм. Шинэхэн байрандаа орохдоо давирхай үнэртсэн банзаар номын сан урлуулсан нь өрөө рүү нь шагайхад ойд яваа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Анхны номын уралдаанд 1985 онд “Зүрхний шившлэг” номоо сойход 46 номоос долоод багтан хэвлэгджээ. Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай номыг нь редакторлохоор болсныг дуулаад залуу шүлэгчийн хөл нь газар хүрэхгүй баярласан гэдэг. Номоо хэвлэгдсэнийг гурван жилийн дараа мэдэж, шагналын зургаан мянган төгрөгөөсөө ишигтэй хоёр ямаа худалдан авч байж. “Аргамжааны чулуу” шүлгээрээ алдаршсан Алтайн их найрагч Тоомойн Очирхүүтэй гэр бүлийн найз ах дүү байснаа тэр дурсана. Хүү Болд нь оюутан байхдаа Очирхүү найрагчийнд амьдарч байсан юм билээ. “Хурд” хамтлагийн олноо алдаршсан хит дуу болох “Ээждээ”, “Хүслийн цагаан айзам” шүлгүүдэд хөгжмийн зохиолч Сангаагийн Ишхүү аялгуу зохируулсанаар аав, хүү найрагчдыг түмэн олон мэдэх болсон аж. Н.Даваадаш яруу найраг, хошин шог, орон нутаг судлал, сэтгүүл зүйн чиглэлээр гуч гаруй ном хэвлүүлж, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр, Б.Бямбабаяр, гавьяат жүжигчин Г.Тэрбиш, Л.Галмандах, хөгжмийн зохиолч О.Нармандах, Д.Алтангэрэл, Хайдавын Сэргэлэн нартай Х.Үнэнхүү гавьяатын дуулдаг “Арвайн цэнхэр тал”, Батцэнгэлийн дуулсан “Хан хөгшин уул”, соёлын тэргүүний ажилтан Төрмандахын “Азын тэнгэртэй заяа”, гавьяат Ц.Түвшинтөгсийн “Эрдэнэ бишрэлтийн нутаг” зэрэг олон арван дууны шүлгийг тэрлэжээ.

Найрагч маань нэгэн үе ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд ажиллахдаа академич Х.Сампилдэндэв, нэрт түвдэч, их эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар, хиндич О.Сүхбаатар, академич Л.Болд, доктор С.Байгалсайхан, Д.Сумъяа, Б.Мөнхбаяр, А.Алимаа, Шинэбаяр, Ц.Эрдэнэбат нарын эрдэмтэн мэргэдтэй бийр бэх нийлүүлж, сэтгэлийн өнгө ижилсэж явсан ажгуу. Түүний аж амьдралын намтар үнэхээр өргөн бөгөөд баялаг. “Тоншуул” сэтгүүлийн парламентын сурвалжлагч, “Их барилга” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ч ажиллаж урлагийн гавьяат зүтгэлтэн, их шогч Цэвэгийн Байды, Самандарын Цогтбаяр, шог зураач Адьяагийн Бат-Эрдэнэ, Ц.Намжилдорж, М.Мянганзам, Далайдээрх, М.Амархүү, хөргийн Н.Орхон, Н.Оргил, З.Доржжанцан, А.Амарсайхан, төрийн шагналт зохиолч Ц.Доржготов нарын сэтгэлийн босгыг элээж итгэлийн дөлийг бадраалцаж явав гэх. Ийм л нэг баялаг намтартай, бахархах үйлстэй зохиолч найрагчийнд өнжөөд үдүүлэхийн үес тэнгэрт одод түгж, сэтгэл зүрхэнд дотнослын цагаан заадас гэрэлтэн байв аа.

ЭЭЖДЭЭ

Шүлгийг Д.Болд Хөгжмийг С.Ишхүү

Толгодыг даван шувууд буцлаа, ээж минь

Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм

Хатуу хөтүү хорвоогийн жамыг бодохоор

Холдоод байх шиг санагдах юм даа, ээж минь

Намрын төгөл навчсаа гөвөн бөхөлзөөд

Нартын амьдрал утгагүй мэт санагдаад байна

Сэрүүн шөнийн зэвэргэн бодолд жиндүүлэхээр

Сэтгэлийн дулаан чинь үгүйлэгдэх юм, ээж ээ

Надад өгсөн сэтгэлийн дулааныг чинь бодохоор

Нарны илч ядмаг санагдаад байна

Уйтгар үргээсэн бүүвэйн дууг чинь санахаар

Энэхүү дуу минь сэтгэлд минь хүрэхгүй л байна

ХҮСЛИЙН ЦАГААН АЙЗАМ

Шүлгийг Н.Даваадаш Хөгжмийг С.Ишхүү

Шөнийн гэгээн зүүдэнд минь

Хөтлөлцөөд надтай гүйдэг сэн

Өдрийн ариун бодолд минь

Гэрэлтээд дандаа буудаг сан

Санаанаас гардаггүй сайхан эгч таныг

Сар жилээр хүлээлээ би

Саваагүй хүсэлдээ түүртэж явсан

Жолоо султай нас минь дээ хө

Сүрчгийн үнэртэй салхинд нь хө

Бараадаж удаан дагадаг сан

Хяслын зайтай хорвоод хө

Сажилсаар ганцаар буцдаг сан

Дахилт

Хүслийн шаргал харгуйд нь

Намраар товолзоод гарсан сан

Хүний нутгийн тэртээд хө

Хүлээсээр суусан заяа сан

Дахилт

(“Хурд” хамтлаг “Сайхан бүсгүй” нэрээр дуулжээ.)

Categories
мэдээ цаг-үе

Лодонгийн Түдэв гуайгаас сонссон “идэвхтэй зарчим”-ын сургааль

Зохиолч, соён гийгүүлэгч Лодонгийн Түдэв гуайг танихгүй монгол хүн нэгээхэн ч үгүй. Хөдөлмөрчийн туйл болохоор хөдөлмөрийн баатар, авьяастны дээд учир ардын уран зохиолч болсон хүн гэх мэтээр бичих түүнд үнэн балчирдана. Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж, Нобелийн шагналд Монголоос анх нэр дэвшиж байсан түүнд магтаал шиг хэрэггүй зүйл байхгүй. Оюутан ахуйд Очирбатын Дашбалбар багш маань аугаа гэхэд багадах эл эрхмийг баруун дөрвөн зам дээр байрлах С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд урихад тэр хавийн “Гурван эрдэнэ”, Дорно дахины гүн ухааны сургуулийнхан гээд бараг мянгаад оюутан хурлын танхимд багтахгүй шахам цуглаж байсныг санаж байна. Хожим харин азтай тохиолоор эрдмийн оргилд гарсан мэргэдийн дээд сайн оюутаас өдрийн хугас үгийг нь сонсох завшаан тохиосон юм. Тэр өдөр бол 2006 оны аравдугаар сарын 19-ний пүрэв гараг байж. Ажиллаж байсан “Улаанбаатар таймс” сонины хойморт дэлхийн шилдэг зуун зохиолчийн нэг Л.Түдэв гуай уригдсан юм л даа. Их сэтгэгч тэрбээр өнөө цагийн өнгө төрхийн талаар сэтгэл оюуны ертөнцдөө буулгаснаа бид бүхэнд тэгэхэд илэн далангүй нээн гаргаж байсан билээ. Л.Түдэв абугай тэр өдөр ерөнхий эрхлэгч Жүмпэрэлийн Саруулбуянд нэгэн содон сонирхолтой зүйлийг эрхэмлэн гардуулсан нь Оросын их зохиолч Максим Горькийгоос Монголын сэхээтнүүдэд бичсэн захидал байлаа.

Захидлыг зүгээр ч нэг өгчихсөнгүй. Идэвхтэй зарчмыг номлосон захидлын утга өнөө цагт хуучраагүйгээр үл барам дахин сэргээн харах цаг болсныг тэрээр сануулж, Горькийн захидлын орос, монголоор эмхэтгэсэн нугалбарын ард “Ж.Саруулбуянд. Таны эрхлэн гаргаж буй “Улаанбаатар таймс” сонины нагац ах “Известия Улан-Батор хото” сонинд 1925 оны хавар буюу өдгөөгөөс 80 жилийн тэртээ Максим Горькийгоос Монголын сэхээтнүүдэд бичсэн захидал хэвлэгдсэний дурсгалд мөнхүү захидлыг өргөн барив. Л.Түдэв” гэж гарын үсгээ зуран гүн хүндэтгэлтэйгээр өгсөн бүлгээ. Дараа нь тэрээр соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян, урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт шог зураач Цэвэгийн Байды, ерөнхий эрхлэгчийн орлогч Н.Ариунтуяа, сэтгүүлч Г.Идэрхангай, яруу найрагч Г.Сонинбаяр нарт идэвхтэй зарчмаар замнаж ирсэн монголчууд өнөөдөр яагаад идэвхгүй зарчим баримтлах болов оо гэсэн сэхээрэлт санаагаа тайлбарлаж, мөхөс миний бие тэмдэглэж авчээ. Л.Түдэв гуай “Тэртээ алс Итали орноос Максим Горький наян жилийн өмнө монголчуудын захидалд хариу өгөхдөө “идэвхтэй зарчмыг номлох” зөвлөгөө өгсөн билээ. Бас дээр нь нэмж “номой чөлөөг хүсэх биш харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг” орчуулж, бичиж байхыг их зохиолч Максим Горький зөвлөж билээ. Энэ бол зөвхөн Монголд ч биш бүх нийтийн зарчим юм.

Монголын сэхээтнүүд тэр зөвлөгөөг үйл ажиллагааныхаа удирдлага болгож далан жил дагаж мөрдсөн нь оноогүй биш оносоон. Ямар ч гэсэн далан жил буюу бие хүний нэгэн насны нүүрэн дээр монгол хүн газраас сансарт хүртэл цойлсон. Мориноосоо моторт хөлгийн жолоонд шилжиж, эмээлээсээ аэрплаанд суусан. Үнсэн самбараа цахим дэлгэцээр сольсон. Өөхөн дэнгээ өндөр хүчдэлээр сольсон. Өргөө гэрээ өнөр айл болгосон. Өвчин эмгэгээсээ өргөн түмнээр салсаан.

Зах, дэлгүүр, буудал, баар гэдэг “идэвхгүй зарчмын салбар”-ууд ноёрхлоо

Түдэв гуай ширээн дээр буй цэвэр ус авч хоолой чийглэнгээ цааш хүүрнэв. “Гэвч өнөөдрийн Монгол ямар байна? Замаас хадуурлаа гэж ахас ихсээ өөчлөөд замын дундаас буцаж эргээд зах зээл рүү очсон. “Бараан зах” гэж хуучин нийслэлд байсан нь үгүй болсонд халаглаж “бараан зах” байгуулахаар ганзагын наймаанд гарцгаасан. Ганзагалж багтахгүй болохоор нь чингэлгийн наймаанд шилжсэн. Ахмад үеийнхний буянаар чингэлэг тээх төмөр замтай байгаадаа аз болсон. Нийслэл хот маань мухлаг, ТҮЦ, баарын, дэн буудал, мөрийтэй тоглоом, хятад ший яанзны төв болж улмаар Гоголийнхоор бол “Сорочины яармаг”, Лу Синийхээр бол “Ганжуурын яармаг” хойд дүрээрээ залрах нь тэр. Энэхүү дурдсан зах, дэлгүүр, буудал, баар гэдэг нь “идэвхгүй зарчмын салбар”. Хэн нэгний, ихэвчлэн гадаадын бэлэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хямдавтар аваад (голдуу илүүдэл бүтээгдэхүүн) үнэ нэмж эх орон нэгтэндээ худалдаалж мөнгө олох, эсвэл явуулын хүнд түр орогнол, ор дэр олгож мөнгө олох, үгүй бол саваагүйчүүдэд архи, дарс зарж халаасыг нь хоослох “ажилтайн” хувьд “идэвхгүй зарчмын аж ахуй” юм. Ийм маягийн амьдралыг ахмад үе маань “зах зээлийнх” гээд яг онож хэлсэн нь өрнөдийн “рыночная экономикиа” гэдэгтэй дүйж очмогц л бэлэнчлээд л тэр нэр томьёог Монголын түшмэдүүд үг дуугүй, бодлого эргэлзээгүй авч хэрэглэснээрээ “социализм”, “коммунизм” гэдэг нэр томьёог “өргөж” авсантай арга барил нь ихэр юм. “Одоо манайх ямар нийгэм байгуулж байна” гэж сонгогчид нэр дэвшигчээс асуухад тэд нэгэн дуугаар зах зээлийн, эдийн засгийн нийгэм гэж хариулцгаадаг. Гэтэл, “Үндсэн хууль”-д нь “…хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулна…” гээд бичээд тунхаглачихсан байдаг” гээд бидэн рүү нухацтай харж байсныг санаж байна.

Хэрэглэж сурсан ч хийж чаддаггүй үндэстэн болох арчаагүй тавиланд унах вий

Бид Л.Түдэв гуайг урихдаа зөвхөн өөрийнх нь тааллын сэдвээр сонсоно гэсэн болохоор үнэндээ уран бүтээл болоод өөрийнх нь тухай лавлаж чадаагүй. Тэрээр цааш нь “Зах зээлийн харилцаа хэзээ ч хүмүүнлэг байж чадаагүйг тийм харилцаа өндөрт гарсан гэдэг барууны орнууд хоёр зуугаад жилийнхээ түүхэн сургамжаар ил тод харуулчихаад байгаа. Гадаадын илүүдэл, өргөн хэрэгцээний аль ч бүтээгдэхүүн манайд уул нутгийнхаасаа заавал өндөр үнээр зарагдаж байгааг нуултгүй. Үүнийгээ өмгөөлөх бамбай ч бэлэн бий. Газар нутаг хол, тээврийн зардал өндөр, татвар ихтэй гээд элдэв шалтаг заагаад худалдан авагчийн амыг таглаж орхино. Хамгийн наад захын эмийн зүйл гэхэд л уул газраа таван доллар, манайд ирэхээрээ хоёр гурав нугалаад 15-20 мянган төгрөг байх жишээтэй. Энэ бүхнийг үл өгүүлэн давтан өгүүлэхэд манай нийслэл хотын сүүлийн 15 жилд шинэчлэгдсэн гээд байгаа бүх л гоёл чимэг, гуанз, дэлгүүр, баар цэнгээний газар, зочид буудал, зах зээл, банк хүртэл цөм л үйлдвэрлэгч салбар биш “идэвхгүй зарчмын аж ахуй” шүү дээ. Мөнгө хүүлдэг, хүүдийлдэг талаа л “идэвхтэй” гэж тодорхойлохгүй бол өөр тодотгол эдгээрт байхгүй. “Идэвхгүй зарчмын энэ салбарууд” “идэвхтэй зарчмын” бүтээн байгуулагч салбарыг аажмаар залгиж байгаа нь илэрхий. “Үйлчилгээний нийгэм”, “Хэрэглээний эдийн засаг” гэж номын үг хаялаа ч гэсэн энэ нь үнийг хөнгөлөх үйтэн хуар болж чадахгүй. Хүний бэлтгэсэн хоол хүнс идэж, харийн үйлдвэрийн хувцас өмсөн гоёж, хувь хүн нэгэн насыг элээх болно. Гэвч, нийгэм тэгэх гэвэл нэг л өдөр “хэрэглэж сурсан ч хийж чаддаггүй” үндэстэн болох арчаагүй тавиланд унах болно. “Тэд хэрэглэж амтшиг, бид хийж хожноо” гэдэг дотор ухаантны холын бодлогын золиос болохгүйн тулд оруулах (импорт) шуналыг “гаргах” (экспортлох) бодлогоор залуурдах, “идэвхгүй зарчмын” салбарыг “идэвхтэй зарчмын” салбараар хөтлөх хэрэгтэй болжээ” гээд санаа алдсан сан.

Эрх баригчид “идэвхгүй зарчмын” гурвалсан мориноос буудаг ч үгүй, сольдог ч үгүй давирсаар…

Монгол Улсад “идэвхгүй зарчмын бодлоготнууд” төр барьсаар байна. Өөрөөр хэлбэл “идэвхгүй зарчмын өвчин” толгойд нь архагшин ужгирчээ. “Идэвхгүй зарчим” дээр маань ноёлжээ. Үүний илрэл нь манай төр засгийн эрх баригчид “идэвхгүй зарчмын” гурвалсан мориноос буудаг ч үгүй, сольдог ч үгүй давирсаар өнөөг хүрлээ. Тэр гурван зээрд нь гадаадаас авах зээл, тусламж, хандив гурав юм. Зээл авах гэдэг нь бэлэнчлэх сэтгэлгээний үндсэн илрэл, тусламж гуйх нь бүүр ч идэвхгүй, алгаа тосон арчаагүйдэх, хандив гуйх нь мөн л нэг тэрэгний өрөөсөн дугуй юм. “Идэвхгүй зарчмын” энэ гурван аргыг огт хэрэглэхгүй явдаг улс орон ховор. Гэхдээ манайх шиг алга тосож авсан юмандаа эзэн болж, ажил хэрэг бүтээж чаддаггүй “бүхлээр” нь гулигуулчихдаг улс орон бас ховор оо. 1991 оноос хойш манайхны авсан гадаад зээл нэг тэрбум ам.доллараас хэтрээд дотоодын нийт бүтээгдэхүүний 90 хувиас давчихаад байгаа нь “төрийн түгшүүр зарлах” хэмжээнд хүрчээ гэсэн үг шүү дээ. (Эл тоо баримт 2006 оных гэдгийг анхаарна биз. Л.Б) Зээл авах үед сайхан мэт санагдавч авсан тэр мөчөөсөө эхлээд нэр нь өөрчлөгдөн “өр” болдгийг мөнгө зээлж, зээлдүүлж үзсэн хэн бугай ч мэдэх зүйл. Тэр бүхнийг харгалзахгүйгээр Монголын төр засгийн мэдэлтнүүд улсынхаа нэр, ард түмний нэр бариад л жил тутам 330 саяас доошгүй ам.долларыг донор (өглөгч) орнуудаас зээлсээр ирлээ. Тэтгэвэр тусламж хүссэн иргэдээ “бэлэнчлэх” сэтгэлгээтэй гэж зандарчихаад УИХ-ын танхим, Засгийн газар, яам тамгын өндөр сэнтийд гэдийсхийн суугчид өөрсдөө “бэлэнчлэх” сэтгэлгээний бүх төрөл зүйлээр “шүдээ хүртэл зэвсэглэчихээд” хэнэггүй царайлсаар он цагийг элээж байгаа нь монгол эмгэнэл юм даа. “Идэвхгүй зарчмын” дэд хэлбэр нь гадаадын хөрөнгө оруулалт, элдэв гоё нэртэй төслүүд юм. Хэчнээн ч төсөл Монголд “хэрэгжив” дээ. Даанч тэдгээрийн “үр хүүхэд” гэж тоймтой юм харагдахгүй байгаа нь “хусран байдас” гэж нэрлэхэд төслүүдийн нэлээд хэсэгт зохихоор болжээ.

“Түшмэдийн цомхотгол” хийж, цахим засаглалд шилжих хэрэгтэй болжээ

Толгойд маань “идэвхгүй зарчим”, “бэлэнчлэх сэтгэлгээ” нэгэнт бугшчихсан болохоор гар хөл ер нь доод тал маань мөн л энэ өвчнөөр өвчилж орхижээ. Нийгмийн бүүр доод давхарт бол “идэвхгүй зарчмын” илрэл нь хөдөлмөрийн бус орлогоор амьдрах тусгай сургууль болон хувирчээ. Түшмэдүүд авлига авна. Өгөхгүй бол хүнд суртал гаргана, боож, хавчина, сунжруулна, дарамтална. Манайдаа ахадсан олон яамд байхад тэдний хэрэгжүүлэх агентлагууд гэж бас нэг давхардсан илүүдсэн дээлтнүүд мөн л цөөнгүй байна. Тэднийг ажилтай бас “авлигатай” байлгахын тулд аливаа ажил эрхлэх гэсэн иргэдэд зөвшөөрөл, магадлал олгох “эрхээр” хангаж өгсөн тогтолцоо нэгэнт архагшин буй болсон. Цахим засаглал байгуулах бололцоо бүрдэж байхад ч гэсэн ядаж сонгуулийн үеэр иргэдээ толгой дараалсан тооцоог нь санах байгууламжид хийчих идэвх алга. Хамгийн хашир томоосоо эхлээд намууд ч гэсэн гишүүдийнхээ цахим бүртгэл хийж хөтөлдөггүй мөртлөө хандив авах эрхээ хуульчлаад авчихсан сууж байдаг. Олон мянган түшмэд долоо хоногт дөрөвхөн өдөр алдаг оног ажиллаж тав дахь өдөр “Баасан эгчийнд” айлчлаад зургаа, долоо дахьд нь найрлаад нэг дэх юм уу даваа гаригийн үдээс өмнө “шараа тайлах” арга бодоод сууж байдаг нь нуултгүй болсон зүйл. Тиймээс “түшмэдийн цомхотгол” хийж цахим засаглалд шилжих хэрэгтэй болжээ.

Хогийн асуудал эрхэлсэн яамтай болъё

Хэрэглээний, бэлэнчилгээний хэвшил тогтож буй нийслэлд хогийн асуудал эрхэлсэн яам шинээр хэрэгтэй байна. Хогийн сайд хүртэл барууны оронд байдаг гэдэг. Хогийг алт мөнгө болгох ажил эрхлэх юм бол тэр харин “идэвхгүй биш идэвхтэй зарчмын” яам болох юм даа. Ядуурсан зарим хүмүүсийн, ялангуяа хөдөөнөөс нийслэлд ирэгсдийн “идэвхгүй зарчмын сэтгэлгээ” хотын хог дээр “ажиллахад” аргагүй хүргэж байна. Бэлэн хог түүж, лааз, шил мэтийн юмаар хэдэн төгрөг олоод өдрийн хоолоо залгуулахад буруу юм юу байхав. Харин хогчдын хүчийг нэгтгээд зохион байгуулалтад оруулах, зориулалтын хувцас хунар, тоног төхөөрөмжөөр хангаад, хог ангилах сургалт явуулаад тусгай цэгт хог хүлээн авч, тэр дор нь ажлын хөлс өртгийг бэлнээр өгдөг байгууллага буй болгоогүй нь нийгмийн хамгаалал манайд ямар байгаа, хүмүүнлэг сэтгэлгээн дээрээ хичнээн ядуурсныг л гэрчилж буй хэрэг. Хог ухагчид бол бас ч хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл хулгай дээрэм хийдэг, залилан мэхлэх аргаар бусдыг шулдаг, тонодог этгээдүүд манай нийслэлд улам олширч арга мэх нь улам нарийсаж нийгмийг айдас түгшүүрт живүүлэхэд хүрч буй нь хөнгөн бузар аргаар хөлжих гэсэн “идэвхгүй зарчмын” бас нэгэн гажиг юм. Ажилгүйдлийг арилгах тухай амлалт уриалга өгчихөөд юу ч хийдэггүй “үгээр идэвхийлж, үйлдлээр үл идэвхийлэгч” засаглалын хомсдолын бас нэг гай нь энэ юм.

Түдэв гуай ийн үнэт сургаалиа айлдсаны дараа бидний асуултад хариулж билээ. “Та хэрэглэж сурах яахав, хийж л суръя гэдэг хүн” гэхэд “Хэрэглэхээсээ илүү хийж бүтээх сэтгэлгээг хөгжүүлмээр. Манайх газар нутаг томтой, нүүдлийн мал аж ахуйн орон. Өмнөд Монгол БНХАУ-ын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн дааж байна. Тэгэхэд манайх гаднаас жилд 900 тн хуурай сүү оруулж ирж, ард түмнийхээ халаасыг тэмтэрч байгаа нь нөгөө л бэлэнчлэх сэтгэлгээний бэлэн загвар биш үү. Монгол зөвхөн малынхаа эвэр, туурай зэрэг түүхий эдийг гадаадад гаргахад л баяжна” гэсэн бол “Хэрвээ та Ерөнхийлөгч болсон бол юу хийж хэрэгжүүлэх байв” гэсэн асуултад “Би “Өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” гэсэн зүйлийг гол мөрийн хөтөлбөрөө болгож байсан. Үүнийг л манайд хэрэгжүүлбэл хөгжих замдаа орно. Орост захын нэг эмгэн л хэдэн зөгий тэжээж байдаг. Гарлага, зарлага гараад байх юм байхгүй. Энэ чинь л өрхийн үйлдвэрлэл” гэж аман дээр атын тавхай тавьж байсан.

Түдэв гуай цааш нь “Цагтаа бид эх орондоо үгүй ядахнаа гутлаа хийдэг байлаа. Гэхдээ гадны технологи, гадны санаа бодлыг зээлдэж байсан учраас уналтад ороод хийж чаддаг юмаа хийж чадахаа больсон нь дэндүү гунигтай. Гутал, хадаас мэт ойр зуурын зүйлээ хийгээд сурчихвал хөгжил тэр. Гутал гэснээс гудамжинд алхаад явж байхад алхаар тогшиж байгаа юм шиг тог тогхийсэн чимээ гарахаар харахад л сүрхий сүрхий өндөр өсгийтэй гутал өмссөн бүсгүй явж байх. Монгол бүсгүйчүүлд европын урт хөлтнүүд өмсөхөөр зориулагдсан зүйл бие махбодийн хувьд ч яаж таарахав дээ. Хүн харахад их сайхан ганган хүн болох гэж байгаа юм биз дээ. Гэтэл ийм өндөр өсгийт өмссөнөөр бөөр муудаж байна. Сав нь гажиж, үргүй болох тохиолдол ч байна. Нуруу нугасаар дамжсан доргионд тархи, төв мэдрэлийн тогтолцоо ч гэмтдэг. Мэдэхгүйн харгайгаар насаараа гэмших зовнилын үрийг тарьж байна” гэж ярьж байсан нь өнөө ч чихнээ сонсогдох шиг болном. Тэр өдөр Л.Түдэв гуай бидэнтэй санааныхаа уг дахь бүхнээ уудлан ярихдаа нийслэлийг Хархоринд шилжүүлэх хэрэгтэй гээд Бразили улс нийслэлээ Сан-Паулогоос Рио-Де-Женейро руу нүүлгэсэн жишээг дурдан, дэд бүтцээ хөгжүүлчихвэл аялал жуулчлал дагаад мөнгө аяндаа урсаад ороод ирнэ гэх мэтээр удаан хүүрнэлдэж билээ.

Монголын Бүрэн эрхт төлөөлөгч Эрдэнэ Батхаанд

Хүндэт Эрдэнэ Батхаан

Таныг нэн сонирхолтой захидал илгээсэнд үнэн зүрхнээс Танд талархана. Монголын сэхээтний гүйцэтгэхээр тавьсан зорилго хэдий их бөгөөд хэцүүг Та надад тодорхой мэдрүүлж өгөв. Та, мөн Таны нөхөд зориг төгөлдөр байхыг үнэн зүрхнээс хүсэн ерөөе. Та нарын чухал их хэрэг үүсгэсэндээ итгэх итгэл тань насан туршид бат орштугай. Монголын сэхээтэн Та нарын эрэлхэг шийдэмгий эхэлсэн ажлаас илүү чухал бөгөөд хэцүү ажил ертөнц дээр байхгүй. “Манай хүч төдий л их биш” гэж Та бичиж байна. Энэ бол Та нарыг зовоох ёсгүй. Учир нь хүчний тоо чухал биш, чанар чухал шүү. Хэдэн арван шийдэмгий хүний хүчээр оросын үй түмэн номой тариачид шинэ амьдралд дэвшиж буйг Та нар бэлхнээ мэдэх биз.

Оросын уран зохиолыг монгол хэлэнд орчуулахдаа ямар зарчмыг баримтлах вэ гэж Та нар асууж байна. Энэ асуултад Та нарыг хангаж чадахуйц яв цаваар би хариулж чадна гэж үү дээ? Гэвч Монголын тухай миний уншсан номыг баримталж, монгол хүний сэтгэлийн тухай миний бодоход Таны ард түмэнд идэвхтэй зарчмын номлол ялангуяа тус бололтой. Бүх олон ястанд хүртээх зохистой сайн сайхан юм гэж Европт юу байдаг болбоос тэр цөм аж амьдралаа идэвхтэй зохиодгийн ачаар бүтжээ. “Хүсэл бол зовлонгийн үүсэл” гэж бурхан номложээ. Европ бол чухамхүү нэгэнт олдсон зүйлээс ямагт дээр сайныг олохын тул тохиолдох зовлонгоос огт айдаггүй байсан учраас, шинжлэл, урлаг, техникийн талаар дэлхий дахины бусад улсаас ихэд урагш дэвшжээ.

Европ бол өөрийн ард түмний шударга чөлөөг эрмэлзэх сэтгэлийг өрнүүлж чадсан юм. Гагц үүний тул түүний олон гэм нүглийг бид уучилж болно. Монголын ард түмнийг Европын байдал ба түүний олон түмний одоо цагийн хүсэлтэй танилцуулахаар европ зүгийн номоос идэвхтэй зарчим ухааны шургуу дүрийг илт үзүүлсэн бөгөөд номой чөлөөг хүсэх биш, харин жинхэнэ эрх чөлөөг хүссэн зүйлийг шилж орчуулбаас зохих болов уу гэж би санаж байна. Шинжлэх ухааны хүмүүс: Пастер, Фарадей юм уу, Франклин, Гарибальди гэх мэтийн хүмүүсийн намтар их ашигтай байх болов уу гэж би бодож байна. Тиймэрхүү намтар бол хүмүүжүүлэх талаар уран зохиолоос дутуугүй чухал юм.

Уран зохиолоос бол эрх чөлөө, шударга үзлийг удирдлага болгодог хүний баатарлаг үйлсийг хамгийн хурц тод харуулсныг нь сонгож авах хэрэгтэй. Энэ талаар хамгийн илүү тохиромжтой номыг одоогоор нэрлэхэд над хэцүү байна. Гэхдээ Та нар хүсвэл би бодож байгаад тиймэрхүү номын жагсаалтыг гаргаж өгье. Одоогоор Таны захидалд хариу бичихийг яаравчлан Танд ба Таны нөхдөд сэтгэлээр сэтгэлээр сэргэлэн, өөртөө итгэлтэй байхыг дахин хүсэн ерөөе.

М.Горький