Categories
мэдээ цаг-үе

​Гомбын Равдан: Отгон хүү Баттогтох маань жүжигчин мэргэжлийг маань залгамжилсан

Монгол Улсын ардын жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равдангийн хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэе.

-Кино найруулагчдын хараанд хэдийнээс өртөж эхлэв?

-Наян таван оноос Балжинням найруулагчийн “Ацаг шүдний зөрөө”, наян зургаан онд “Сүүдэр”, залгаад “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг кинонуудад дүр бүтээсэн. “Мандухай цэцэн хатан”-д Лаваг гэдэг дүрд тоглосон. Тэр нь бидний ойлголтоор Исмель тайшийн талын, Юнгэн хатны садангийн хүн байхгүй юу. Исмель, Мандухай хоёр ордон дотор илдээр байлдаж байхад Мандухайг араас харвачихдаггүй юу.

-Өө тийн…

-Тэр муухай этгээд чинь Равдан байгаа юм шүү дээ. Энийг хамаагүй хүнд хэлж болохгүй шүү. Мандухайг алсан гээд яах ч юм билээ. (Жүжигт тоглож буй мэт тонгойн шивнэж хэлээд инээв. Л.Б) Наргиа наргиа. “Мөнх тэнгэрийн хүчин дор”-д Мухулайд гарсан. Мухулай хоёрхон хэсэгт л морьтой гараад өнгөрдөг. Ж.Бунтар гуайн найруулсан “Тод манлай” кинонд Нэрэндоо гэж хошуу туслахын рольд гардаг. Хошууныхаа наадамд Манжийн морийг түрүүлүүлэхгүй гээд арга чаргаа хийгээд хол замд Түмэн уяачид мөнгөн ембүү өгөөд “Заавал ч үгүй хурдан морь олж ирнэ шүү” гээд байдаг нэг ёсондоо эх оронч маягийн хүний дүр. Жигжидсүрэн найруулагчийн “Алтан шонхор” хоёр ангит кинонд Хажир зайран гэсэн бөөгийн дүрд тоглосон. Ийм хэдхэн дүрд тоглож дээ.

-Таны японы самурайн даргын дүрүүд чинь бас сэтгэлд хоногшим шүү?

-Кинонд би хоёрын зэрэг тагнуул маягтай дүрд тоглосон. “Сахиул уу, сахиус уу” кинонд Алтангэрэл гэдэг монгол тагнуулын дүрийг бүтээсэн. Сөрөг тагнуулын газарт Японы хошууч Хаяаши болчихсон сайхан ажиллаж байсан чинь сэжиглэгдэж баригддаг даа. Тэрний дараахан найруулагч Б.Бадар-Ууган маань “Нарны өнгө” гэж теле жүжиг хийсэнд хурандаа Нишишима гээд япон болно оо. Тэгээд яахав, хоёр гурван жүжиг, кинонд данжаад манжаадханд тоглосон. “Ацаг шүдний зөрөө”-гийн Заяат данжаад байна. “Чи үнэнээ хэлэх үү” гэсэн чинь “Мэдэхгүй” гээд ширээ мөргөөд унадаг даа. Дөчөөд онд театрын тайзнаа тавигдаж байсан Э.Оюун гуайн “Талын баатрууд” жүжгийг сэргээж тавихад надад явж явж Сюй Шү Жаны роль өгчихдөг юм. Хэрээрээ тоглох шиг болсон. Соёлын яамны уран сайхны зөвлөл ирж үзээд их голсон. (инээв) Ардын жүжигчин, удирдаач Намсрайжав гуай, ардын зураач Цүлтэм гуай эд үзээд “Энэ Сюй Шү Жан биш ээ. Цагааны Цэгмид гуай яаж тоглож байлаа. Эд мэдэхгүй, чадахгүй” гэж аргагүй гологдож л байсан.

-Драмын театрт байхдаа жүжигчин Сосорбарам, Цэвээнравдан гуай та нар шинэлэг сэтгэлгээтэй эсэргүүн нөхөд байсан гэдэг байх аа?

-Ардчиллын үзэл санааг уран бүтээлчид л анх илэрхийлж байлаа шүү дээ. Манай театрын дотоод уур амьсгал их хуучинсаг байсан. Дүр хуваарилалт гэхэд тэгш биш, жүжигчид нь дандаа л улс төрийн ажил хийсэн улс. Театрын доторх арга барилд салхи оруулъя гэсэн үзэл санаагаар Цэвээнээ, Со бид гурав дуугарч явсан л даа. Со нэг удаа бүх ажилчдын хурал дээр театрын удирдлагыг “Хуучинсаг байна. Өөрчлөх болж” энэ тэр гээд нэлээд шүүмжиллээ. Со ер нь хамгийн залуу нь, бас омголон ч байж дээ. Тэгсэн Доолио (жүжигчин Дорлигжав) хурлын дараа Со-д их нутгархаж “Чи дарга нарын өөдөөс хамаа намаагүй хөөс сахруулж ярьсаар наад элэг чинь сэмж болж гүйцлээ. Чи одоо хамаагүй хуцаж байж алуулав” гэлээ. Нөгөөх нь “Дуугарахад ер нь яадаг юм. Та нар өчнөөн жил дураар нь байлгасаар хуучин муу сайн коммунистууд уран бүтээлийг чинь чөдөрлөж байна ш дээ. Та нар хэлэх нь яасан юм” гэхэд Доолио “Үгүй ээ, хэлнэ л дээ” гэж. “Тэгээд хэзээ хэлэх юм” гэсэн чинь “Миний дүү, олон удаа битгий ингэ. Хурааж хурааж байгаад нэг л өдөр “Битгий хуц” гээд хэлчихгүй юу” гэж зөвлөсөн гэж байгаа. Тийм маягаар бид чинь үзэж тардаг байлаа. Намын гишүүдийн хараанд өртсөөр хамгийн эхлээд би театраас туугдсан юм. Цэвээнээ, Со, Цэрэндагва, “Хөх чоно”-д тоглодог гавьяат Дамдин ах, “Говийн зэрэглээ”-гийн захиралд тоглодог залуу жүжигчин Эрдэнэтогтох бид нэг өрөөнд байдаг байсан. Ингээд бүх ажилчдын хурлаар “14 хоногийн дотор ажлаа өгөхийг шаардаж театраас халсугай” гэсэн тушаал гаргалаа. Шалтгаан нь “Уран бүтээлчдийн дотор зүй зохисгүй яриа гаргадаг, театрын удирдлагын эсрэг залуу уран бүтээлчдийг турхирдаг, үзэл суртлын хувьд зохимжгүй” гэсэн ялаар туугддаг юм. Намайг туугдсаны дараа Цэвээнравдан миний тумбочкийг харж харж “Энэ яасан эзнээ тогтоодоггүй тумбочка” вэ гээд юм хумаа хийсэн гэж байгаа. Миний тумбочкан дээр Цэвээнээ ороод хэсэг байснаа төдөлгүй гараад явчихсан гэж байгаа. Ёстой эзнээ тогтоодоггүй тумбочка болохгүй юу. Тэгж л хөглөж явсан. Цэвээнравдан “Тоншуул” сэтгүүлийн дэргэд шог зураач Ц.Байды, С.Цогтбаяр, шог зохиолч Цэндийн Доржготов гуай, элэглэл хийдэг Сангаабазар нар “Учиртай инээд” хамтлаг байгуулахад тийш очсон л доо. Со сүүлд гарсан.

-Театраас туугдаад хаа очиж оршин тогтнов?

-Кино үйлдвэрт 1987 онд очсон доо. Балжинням багш маань “Мандухай цэцэн хатан”-аа яг хийж эхлэх гэж байхгүй юу. Сая багшийн маань хань Надмэд эгч, хүү кино найруулагч Амарсанаа нар утасдаж баяр хүргэж байна лээ. Балжинням багш дээрээ халагдчихлаа гээд иртэл “Уран сайхны удирдагч Сумхүүтэй чи уулз. Учир зовлонгоо ярь. Яаж орохоо мэдэж байгаа биз дээ” гэж арга зааж өгч байгаа юм.

-Ямар арга зааж өгөв?

-Яахав, нэг лонх юм өвөртлөөд ор л гэж байхгүй юу. Тэр үгээр нь ороод орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин боллоо. Энд Дамдинбазар гавьяат, Дамчаа гуай, Дагийрааз гуай, “Ягаан Гажид” Цэнд-Аюуш, нөгөө алдарт Элбэгсайхан, Цэмпилмаа нар гээд олон мундаг жүжигчдийн дунд орчихож байгаа юм. Тэдний дуу оруулж байгаагаас суралцах том сургууль энэ байсан. Тэднээсээ сурсан жаал жуул юм маань телевизийн орчуулгын кинонд ажиллахад их тус болсон.

-Кино үйлдвэр тарсны дараа хаа очив?

-Соёлын төв өргөөн дээр байрлаж байсан Армийн театрт ирж дөрвөн жил болсон. “X ТҮЦ”-ийнхэн тоглоод байсан “Аянгын бороо” гэж Хятадын сонгодог зохиолчийн жүжгийг ерээд оны эхээр манай театр тавьж байлаа. Аугаа их жүжигчин Гантөмөр гуай, “Говийн зэрэглээ”-гийн Номинд тоглодог жүжигчин Я.Оюунцэцэг, Жамсранжав гавьяатын охин Оюундарь, “Тод манлай”-гийн Түмэн уяачид тоглосон жүжигчин Дорждагва, Сүххуяг, Тунгалаг гавьяат, Нармандах бид чинь нэг хамт олон болж сайхан бүтээлүүдэд тоглож байв. “Худалч эхнэр” гэж инээдмийн жүжигт тоглож Соёлын яам, Урлагийн ажилтны холбооны шилдэг дүрийн шагнал авч л явлаа. Армийн театраасаа Монголын үндэсний радиод орж, 2007 он гаруут эрх чөлөөт уран бүтээлч болохгүй юу.

-Радио, телевизийн удирдлагатай хэвлэлээр “сэлэм эргүүлсэн” тал ч байгаа байх аа?

-Аа тийм нэг зөрчил тулгарсан явдал бий. Нөгөө сүрхий Горькийн сургууль дүүргэдэг яруу найрагч Маналсүрэнгийн Баттөмөр ах чинь радио, телевизийн Үйлдвэрчний эвлэлээ толгойлоод л, удирдлагаа шүүмжлэх түр хороо энэ тэр байгуулаад сүржигнэсэн шүү дээ. Телевизийн байрны гадаа гэр бариад л, уриа лоозон болоод сүртэй тэмцээгүй юу. 25 дугаар сувгаар тэмцлийнхээ талаар ярих болсон чинь бүгд үзлээсээ ухраад би орж яриад маргааш нь халагдсан. (Гашуунаар инээв) Овоо хараанд онилогдсон амьтныг чинь пиунхгээ л нясалчихаж байгаа юм.

-Та төрийн хүндэтгэлийн хэмжээний концерт тоглолт олныг хөтөлж байв уу?

-Төрийн хүндэтгэлийн тоглолт хөтлөөгүй. Ер нь мэргэжлийн том уран бүтээлч хөгжмийн зохиолч, зохиолч, яруу найрагчдын уран бүтээлийн цэнгүүнийг олон хөтөлсөн. Төрийн концертонд хэд хэдэн удаа шүлэг уншиж оролцсон. Ё.Цэрэндолгор найруулагч тэр жил төрийн концерт найруулахдаа их найрагч Дэндэвийн Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол” шүлгийг унших даалгавар өглөө. “Уртдаад байна” гэхээр нь хэдэн бадгийг нь хасаад богиносгож уншихгүй юу. Найруулагчийн шаардлага шүү дээ. Тэгсэн дараа нь “Ил товчоо” сонинд “гоймон” Пүрэвдорж гуай “Их найрагчийн энэ сайхан шүлгийг жүжигчин Равдан зэрэмдэглэж, хагас дутуу уншлаа” гэж бужигнуулж л байлаа. Хөгжмийн зохиолчдоос аугаа их Мөрдорж, Лувсаншарав, Намсрайжав нарын насны ойн тоглолтуудыг хөтөлсөн. Филармонийн ой Жанцанноров, Шаравын, Чинзоригийн бүтээлийн концерт гээд бүгдийг нь хөтөллөө. Багшийн сургуульд хөгжмийн анги төгссөн учраас хөгжмийн талын анхны мэдэгдэхүүнтэй. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн “Жаахан шарга” цуврал концерт, Морин хуурын чуулгын анхны тоглолтоос 25 жилийн ойн тоглолт хүртэл бүх тоглолтыг хөтөлсөн байна. Жил болгоны долдугаар сарын 11-ний “Монголын сайхан орон” баярын концертыг байнга хөтөлнө. Мөн саяын 11-нд хоёр өдрийн өмнө ардын жүжигчин болчихоод хөтлөөд зогсож байх жишээтэй. Ноднингийн концерт жаахан хүнд байсан. Тэр 11-ний өдөр хайртай хүүгээ алдчихсан байсан. Энэ миний таван хүүгийн зураг байна. (Санаа алдан үзүүлэв. Л.Б) Өдөр бэлтгэл дээр байж байтал манай хүү бурхан болоод. Концерт зарлагдчихсан болохоор хөтлөхөөс аргагүй. Уран бүтээлч хүнд уй зовлон тохиолдоход ухрах зам байдаггүй тайзны нэг хатуу хууль байна. Жүжигчин хүн жүжиг нь зарлагдчихсан л бол аав, ээж, ах, эгч, хүү, дүү хэн ч байсан бурхан боллоо гэхэд тоглохоос аргагүй болдог. Ноднин надад тийм юм тохиолдсон шүү.

-Ай, хэцүү юм болжээ?

-Яах вэ, би тэгээд тайзан дээрээ гардгаараа гарч, хөтөлдгөөрөө хөтлөөд өнгөрсөн. Уран бүтээлч хүний л туулаад өнгөрөх хувь заяа байж.

-Таныг сая шагнал авахад ах дүү нар тань баяр хүргэж утасдлаа гэж байсан даа. Та ингэхэд хэдүүлээ вэ?

-Ах нь эхээс арван нэгүүлээ. Одоо ес нь эсэн мэнд байгаа юм. Би айлын ууган хүү. Дүү нар дээд мэргэжлийн хуульч, хөнгөн үйлдвэрийн технологич-инженер, эмч, жолооч, бизнесмэн гээд бүгд л сайхан ажил төрөлтэй явцгааж байна. Бид чинь одоо үр ачтайгаа зуу гаруй амь болон үржиж.

-Таны хөвгүүдээс урлагийн хүн байна уу?

-Отгон хүү Баттогтох маань СУИС-ийн жүжигчний анги төгссөн юм. Залуусын хийсэн “Арван ес”, “Улаан дөрвөлжин”, “Тайга”, “Бумеранг” гээд нэлээд кинонд тоглосон. “Ану хатан” кинонд аав, хүү хоёр хамт тоглож үзлээ. Хүү маань Зүүнгарын Эрдэнэбаатар хунтайжийн хүү Сэнгэд, би Цөхүр Увшид тоглосон ухаантай. Энэ хүү маань мэргэжлийг маань залгаж, нэр баастахгүйхэн шиг явчих байх. Найруулагчдын хараанд өртөнө гэдэг чинь хоосонгүйн шинж. Зохиолч Доржзовдын Энхболдын “Хоймор өнжих нар” олон ангит киноны Цанжид чинь миний хүү шүү дээ.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Гомбын Равдан: “Үг танигч” гэсэн тэр өргөмж өгүүлэхүйн ухааны мастер гэснээс ч илүү санагддаг

Монгол Улсын ардын болон гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равдантай уулзаж хөөрөлдлөө.

-Улсын баяр наадмын өмнө ардын жүжигчин цолоор шагнуулсанд баяр хүргэе. Утсанд чинь ойрын үед улайстлаа дуудлага ирж байна уу?

-Энэ их нэр хүндтэй цол хэргэмийг хүртэнэ гэж миний ухаан санаанд багтаж байгаагүй. Яг ний нуугүй хэлэхэд “Авчихна даа” гэсэн бодол байсангүй. Өөрт оногдсон уран бүтээлээрээ санасан бодсоноо дамжуулж хэлээд, 43 жил дуртай ажлаа л хийж явлаа. Төр түмэн ингэж өндөр үнэлнэ гэдэг сайхан байдаг юм байна. Шагнал авснаас хойш газар газрын л хүн баяр хүргэж утасдаж байна. Хаа байсан Дорнод аймгийн Баяндун сумын мянгат малчин Энхбат гэж буриад баавай утасдаж байна. Тэр өвгөн бид хоёр эмнэлэгт хамт хэвтэж танилцсан юм. Тэрнээс хойш хоёул харилцаатай, баяр ёслолоор ярина. Хөвсгөлөөс багын найзын гэр бүлийн хүн ярьж байх жишээтэй. Архангай нутгаас, Хашаат сумаас гээд ах дүү, төрөл төрөгсөд, танил тал бүх хүмүүс ярилаа. Хэнтийн Батширээтээс манай Гансүрэн ярьсан шүү дээ. Чи Гансүрэнг мэднэ дээ.

– Танилгүй яах вэ, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч ах маань байгаа юм…

-Нэг буриад аялгатай хүн ярихаар “Гансүрэн үү” гэсэн “Тийм байна аа” гэж байгаа юм. Бид хоёр номын баяр, Данзангийн Нямсүрэнгийн далан насны ойгоор сайхан танилцаж байсан хэрэг. Багшийн сургуульд хамт сурч байсан, насаараа сургуулийн дуу хөгжмийн багшаар ажилласан Гомбо-Очир тэр хоёр ярьж байгаа юм. Гансүрэн дүү чинь Батширээт сумын ИТХ-ын дарга юм аа даа

– Та төрийн өндөр шагнал авахаасаа өмнө “Өгүүлэхүйн ухааны их мастер” хэмээх алдрыг олон түмнээсээ хэдийнэ хүртсэн хүн дээ?

-“Өгүүлэхүйн ухааны мастер” гэдэг үг миний нэртэй хамт дагалддаг болчихоод байгаа юм. Намайг ингэж нэрлэж байгаарай гэж би хэнд ч хэлж байгаагүй. Тэгсэн чинь ингэж нэрлэдэг боллоо. Албан ёсны ч нэрийдэл биш, аяндаа л миний уншсан зүйлийг радио телевиз, цомгуудаас сонссон хүмүүс л өгсөн бол уу. Үүнд би тэгтлээ жийрхээд ч байдаггүй. Заавал үүгээр нэрлэх ёстой ч гээд байдаггүй. Гэхдээ өгүүлэхүйн ухаан гээч юмыг надад УБДС-ийн кино драмын ангид зааж сургасан Лувсангийн Тунгалаг багшдаа баярлаж байна. Та бүхэн мэднэ дээ, “Талын цуурай” кинонд Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын дүрийг бүтээсэн, Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль (ВГИК)-ийг анх төгссөн мундаг жүжигчин шүү дээ. СУИС-д олон жил багшилсан гавьяат багш Уртнасан, Драмын театрын аварга жүжигчдийн тайзнаас ярих, өгүүлэх тэр их эрдмээс чадлынхаа хэрээр халбагадсаныг минь үр дүн юм даа. Өгүүлэхүй гэдэг нь үгтэй холбоотой юм. Үг, өгүүлбэрээр дамжиж зохиолын утга санаа хүнд хүрдэг. Шүлэг, найраглал, өгүүллэг, тууж, роман, эсээ энэ бүхэн үгээр дамждаг болохоор өгүүлэхүйн ухаан гээчийг би өөрийн гэсэн барил, дэг сургууль, уншилтаар илэрхийлж Равдангийн гэсэн өгүүлэхүйн арга барил тогтсон юм бол уу.

– Хүүхэд байхаасаа л өгүүлэхүйн ухаанд суралцсан байж таарна даа?

-Би Архангайн Хашаатад төрөөд Өвөрхангайн Хужиртад сургуульд орсон. Хужиртын сургуулийн дуу хөгжмийн багш Балдангийн Очирбат гуравдугаар ангийн бацаан надад дуу хөгжим заахаас гадна шүлэг унших анхны А-г заахгүй юу. Сургуулийн концертод Лувсандашийн Бадарчийн “Шүүмжлэгдсэн баавгай”, төрийн шагналт хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогийн “Сандруу Сандаг” зэрэг шог шүлгүүдийг уншиж, хэрхэндээ тэндээ подойсон юм сургуулийн концертод дахиулдаг “өвчтэй” байлаа ш дээ. Тэндээс л миний юм унших ажил эхтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол гардуулахдаа “Гомбын Равдан гуай танд Монгол Улсын ардын жүжигчин цол олголоо. Театр, киноны урлагт бүтээсэн чадварлаг дүрүүд болон үгийн урлаг, өгүүлэхүйн ухааны арга зүйг бүтээлчээр хөгжүүлэх үйлсэд гаргасан амжилт бүтээлийг тань төр өндрөөр үнэлж байгаа юм” гэж хэлсэн. Миний уран бүтээлийн амжилтын талаас илүү хувь нь өгүүлэхүйн ухаан урнаар унших, өгүүлэх, ярих байсныг энэ үг бататгаж байгаа гэж баярлаж сууна.

-Монголын алдартай олон зохиолчдын бүтээлийг та уншигчдын сонорт наалдацтай, нангиуртайгаар хүргэсэн шүү

-Монголын радиогоор 1985- 1989 оны хооронд “Жүжигчний микрофон” нэвтрүүлгээр олон роман, туужийг бүрэн эхээр нь бэлтгэж хүргэсэн. Урлаг судлаач Дэмчигдоржийн Мягмарсүрэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, нийтлэлийн мундаг мастер Шаравнямбуу гуай нар энэ нэвтрүүлгийг санаачилж зохиолч Зо Пай Жингийн Баттулгын “Түвшин төгс”, Ч.Лодойдамба гуайн “Алтайд”, С.Эрдэнийн “Занабазар”, Л.Түдэвийн “Хувьсгал Танаа өчье” монолог роман зэрэг туурвилуудыг надаар уншуулсан. Радиогийн мундаг найруулагч Пүрэвжавын Цагаан, Цэндсүрэн, Бүргэд нар чинь надаар зүгээр нэг үг цагаашруулж байгаа юм шиг нэг өнгөөр уншуулчихгүй, олон дүрийн ялгаа, үйл явдлуудын ээдрээ зангилаа, өгүүлэмжийн хэмнэл, хурд бүхнийг хоногшуулж суулгах эрдмийг заасан даа. Тэдний минь ач буян л намайг өгүүлэхүйн урлагт эргэлт буцалт үгүй орох үүдийг нээсэн. Өгүүлэхүйн энэ л арга барилаараа одоо хүртэл хоолоо олж идээд явж байна. Саяхан гэхэд зохиолч Ш.Ванчаарай гуайн “Шагнал, шийтгэл” романыг радиогоор бүрэн эхээр нь уншлаа. Энэ уншилт бол нэг жүжигчний театрын өгүүлэх, дүрийн ялгаралтайгаар бүтээх хэлбэрээр явж байгаа юм шүү дээ. Аливаа зохиолыг зүгээр нэг а, бэ-гүй уншчихгүй. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор сая шагнуулсан зохиолч Авидын Шартолгой гуайн “Ноён гэгээний тууж”-ийг уншиж эхлээд явж байна.

-Жүжигчид “Би тайз, дэлгэцийн тэдэн дүр бүтээж, өчнөөн кинонд дуу оруулсан” гэдэг. Таны бор тархины соронзон хальс, цээжний урын санд хичнээн бүтээлийн “алтан фонд” хадгалагдаж байгаа бол?

-(Мушийсхийн инээв. Л.Б) Тэр юу л даа хө. Жүжигчин болохоос өмнө хар багаас уншиж байсан зохиол бүтээлийн хэсгүүд, зарим нь бүтнээрээ шахуу шүлэг, ёгт үлгэр, найраглалын хэсгүүд цээжинд ер нь бий шүү. Тэр яадаг юм чухам. Бага залууд ой тогтоолт гайгүй байсантай ч холбоотой юм уу. Сүүлд мэргэжлийн жүжигчний сургууль ном дүүргээд, практик дээр тайз, кино дэлгэцнээ, радиогийн дуун сацруулагчийн ард энэ олон жилд уншаад ирэхээр зохиол бүтээлүүдийн тодорхой хэсгүүд санаанд үлдсэн байдаг. Тэрийг унших шаардлагатай гэвэл хоёр гурван хоногийн дотор эргээд сэргээчих жишээтэй. Өнгөрөгч онд Ч.Лодойдамба гуайн 100 жилийн ойгоор охин Насанбуян, Насанбат хоёр нь “Аавын “Шаргачин” өгүүллэгийг чи тэр жил сайхан уншсан шүү дээ. Одоо ойн баяр дээр уншаач” гэж байгаа юм. “Тэр жил” гэдэг нь 1979 онд уншсан байхгүй юу. Зохиолчдын эвлэлийн тавин жилийн ойд зориулж зарласан уран уншлагын уралдаанд “Шаргачин”-г анх уншин “Уран уншигч” гэсэн мөнгөн медаль авч байсан юм. Энэ өгүүллэгийг хоёр өдөр уншиж сэргээгээд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын тайзан дээр уншсан. “Тунгалаг Тамир” романд Итгэлтийнд Бадарч тахар ирж охиноо Хонгортой суулгах гэдэг шүү дээ.

-За, тийн…

-Тэгсэн Итгэлт хадаг аваад юу юугүй барих нь уу гэсэн чинь аваачаад Ням өвгөнд барьчихдаггүй юу. Тэр хэсгийг би гуравдугаар курсийн оюутан байхдаа багшдаа үзүүлэн шалгуулж байсан. Энийг би өнөөдөр нэг сэргээгээ л маргааш уншчихна. Яадаг юм байгаа юм. Уран зохиолын мэдрэмж гэж юу байдаг юм. Тэр бүхэнтэй л холбоотой бол уу. Багаасаа уран зохиол уншсаных ч байж магад. Нэгдүгээр ангийн багш маань хэл, уран зохиолын мэргэжилтэй, улсын гавьяат багш Санжаа гэж хүн байсан юм. Хар багаас л номын хорхойтой болгосон нь шавь бидэнд ухаан суулгаж. Аав маань жолооч хүн гэхэд манайх гэртээ номын сан дүүрэн номтой айл байсан. Багаасаа номын амтанд орсон хүүхэд зохиолын бүх л баатрын сэтгэлээр амьдарна аа даа. Тиймээс миний ой тойнд яруу найрагчдын шүлгүүд, зохиол бүтээлийн хэсгүүд байна аа байна. Төрийн шагналт, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай “Миний муусайн найз нар” номоо дурсгахдаа “Үг танигч дүүдээ” гэж гарын үсгээ зурсан байдаг юм. Мэргэжлийн мундаг зохиолч найрагч хүний энэ үг надад юун өгүүлэхүйн ухааны мастер застераас илүү том алдар шагнал шиг санагддаг юм даа. Би өөрийнх нь “Харамчийнхны дууль” зэрэг нэлээд бүтээлийг нь залуудаа уншиж байсан. Миний зохиол бүтээл уншиж өгүүлэхүйн мастер гэгдээд буй минь үг таних л ухаан юм. Зөвхөн зохиол бүтээл ч гэлтгүй радиогийн мэдээ унших ч үг таних эрдэм юм. Санжийн Пүрэв байваан бичсэн “Гэгээн өргөл”, “Жирмийн сүлжээ” зэрэг богинохон хөөрхөн юмнуудыг уншиж байхад, тэр алдартай зохиолчдын туурвилаас уншиж байхад утгын гүнд нь яргаж, улам улмаар ухаан тархийг цэнэглэж ухаажуулж байж дээ.

-Та бага насныхаа тухай яриач!

-Бага нас ярихад амархаан. (инээв. Л.Б) Архангай аймгийн хуучин Лүн, одоогийн Хашаат суманд 1952 оны арваннэгдүгээр сарын 7-нд төрсөн гэж байгаа юм. Аав жолооч хүн, Өвөрхангайн Хужиртад машин барих болоод тийшээ шилжиж, Хужиртад сургуульд орон долоогоо төгсөөд Улаанбаатарын Багшийн сургуулийн соёлын ангид хуваарилагдаж ирсэн. Миний уран бүтээлч болох замыг Очирбат багш маань тавьсан юм. Очирбат багшийн хөгжмийн дугуйланд хэн сурч байсан гээч.

-Хэн байв?

-Одооны энэ аугаа их хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров байлаа шүү дээ. Надаас гурван ангийн ах. Намайг долоо төгсөж байхад Жааяа араваа төгсөж байсан. Долоо төгсөөд Багшийн сургуулийн соёлын ангид ороод иртэл Жанцанноров манай зэргэлдээ хөгжмийн ангид суралцах гээд ороод ирдэг юм. Манай анги бол соёл гэгээрлийн ажилтан буюу нэг ёсондоо клубийн эрхлэгч болох анги байсан. Манай ангид тухайн үедээ Соёлын яамны орлогч сайд байсан, сүүлд Хотын Соёлын газрын дарга асан Гүндийн Нямсамбуу суралцаж төгссөн. Анги даасан багш маань алдарт “Шөнийн бороо” дууны аялгууг зохиосон Сосорын Бүтэд байлаа. Бусад нь хөдөө орон нутгийн соёл гэгээрлийн ажилтнууд болсон.

-Тэр үед чинь сургууль төгсүүт л хөдөө хуваарилдаг байсан гэдэг дээ?

-Би хөдөө хуваарилагдахаас амжилттай бултаж чадсан хүн байгаа юм. Хужирт руугаа л хуваарилагдах байсан байх. Далан нэгэн онд намайг яг төгсөх жил Багшийн дээд сургуулийн Кино, драмын ангид элсэлт авах хуваарьтай жил нь таарчихгүй юу. Тэр үед нэг элсэлт аваад дөрвөн жил сургаад төгссөнийх нь хойно дараагийн элсэлтийг авдаг байсан. Жаран долоон оны төгсөлтийнхөн буюу гавьяат жүжигчин Тунгалаг, тайздэлгэцийн алдарт жүжигчин Чойн Хүрэл, Итгэлтийн гэнэн хонгорт тоглодог Дэлгэржаргал гавьяат, “Анхны алхам”-ын Цэцэгбалжид эд нар төгсөөд биднийг авахгүй юу.

-Кино драмын ангийнхан чинь хэн хэн байв?

-Манай анги чинь ланжгар аа. Жүжигчни болон найруулагчийн мэргэжлийн ур чадвар гэсэн хоёр хичээлийг урлагийн гавьяат зүтгэлтэн Маамхүү багш бидэнд орсон. ЗХУ-аас манай Гэгээрлийн яамны урилгаар Москвагийн Эрдмийн бага театрын найруулагч Владимир Михиалович Веллс багш маань тэр үед гуч гаруйхан настайдаа ирж байлаа. Багш маань 2011 онд Драмын театрын наян жилийн ойгоор ирж “Алтан гадас” одонгоор шагнагдсан. Манай ангид хэн хэн байсан гэвэл Монголын театрын урлагийн жараад оны нэрт төлөөлөгч Дашийн Цээнямбуу гэж сонгодог жүжгийн гол дүрд тоглодог сайхан жүжигчин байлаа. “Хар санаа, хайр сэтгэл”-ийн Луйза, “Өглөө” киноны Сэлэм Тогмидын авгай Норжмаад тоглодоггүй юу. “Тунгалаг Тамир” киноны тахар Бадарч, “Энэ хүүхнүүд үү” киноны Идэрт тоглодог Цэрэннадмид гуай гээд аваргууд байлаа шүү дээ. Манай анги чинь дотроо нэг групп нь найруулагчийн, нөгөөх нь жүжигчний групп. Найруулагчийн группт нь ажиллаж байгаад ирсэн Цэрэннадмид, Цээнямбуу гуай, телевизийн алдартай найруулагч болсон Дашийн Пүрэвсүрэн гэдэг эмэгтэй, Д а р х а н ы т е а т р т о л о н жил найруулагч хийсэн Даваасүрэнгийн Ганбаатар нар байлаа. Манай жүжигчний группт хожмоо хойно сурч ирсэн алдартай найруулагч Ч.Жумдаан, СУИС-ийн багш, Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин Ганхүү, Хүүхэлдэйн театрын жүжигчин Долгор, киноны дуу оруулагч, гавьяат жүжигчин Цэмпилмаа, Хүүхдийн ордны драмын дугуйлангийн багш гавьяат Даваахүү нарын олон сайхан уран бүтээлч сурсан даа. Жүжигчин Болд-Эрдэнийн ээж жүжигчин Нэргүй байна.

-Оюутан ахуйдаа дүр бүтээв үү?

-Оюутан байхдаа ч, төгсөөд ч нэг их дүр бүтээгээгүй юм. Би чинь уг нь Багшийн дээд сургуулийг улаан дипломтой онц төгссөн ухаантай юм. Багшийн дээдийн хоёр давхарт 75 оны төгсөгчдийн дунд миний нэр байдаг л байсан. Одоо чухам тэр самбар нь байдаг юм уу, үгүй юу. Социализмын үеийн юм одоо юу гээд л байж байв гэж. Төгсөөд Цээнямбуу гуай бид хоёр Драмын театрт очлоо. Цээнямбуу гуай бол миний дэргэд аварга жүжигчин. Тэнд ажиллаж байгаад элссэн. Манай ангид чинь Драмын театрт ажиллаж байсан гурван аварга жүжигчин ирсэн юм шүү дээ.

-Хэн хэн билээ?

-Одооны ардын жүжигчин Цэрэндагва, Мягмарнаран гуай, Цээнямбуу гуай гурав чинь манай ангид ороод нөгөө хоёр нь замаасаа театртаа буцсан. Би театрт жүжигчнээр орсон эхний долоо, найман жилд жүжгийн олны хэсэгт гарч уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Далан таван оны зун Галсанжав найруулагч төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмарын “Би яагаад” гэдэг үйлдвэрийн сэдэвт жүжгийг тавихад ажилчдын хэсэгт гарсан. Олны хэсэгт олон гарсаан. Тэгж байхдаа л тэр аварга жүжигчдийн дүрдээ хувирч, дүрийнхээ сэтгэл зүйгээр амьдарч, догдолж байгааг дэргэдээс нь харж, мэдэрч, юм тогтоож авч явсан. Төгссөнөөсөө хойш найм, есөн жилийн дараа анх кинонд тоглосон. Наян гурван онд Бадрахын Сумхүү гуайн “Сахиул уу, сахиус уу” кинонд тоглолоо. Тэр болтол би найруулагчдын хараанд өртөхөөргүй л амьтан байж л дээ, зайлуул нэг муу юм.

Categories
мэдээ цаг-үе

​Бавуугийн Лхагвасүрэн: Дээд зэргийн хүн чанар, уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг

Монгол Улсын хөдөлмөрийн баатар , ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн хөөрөлдөөний үргэлж­ лэлийг хүргэж байна.

-Тантай сайхан хөөрөлдөе гэхэд “Би улстөржмөөр байна” гэж байсан даа?

-Эрдэнэтийн 49 хувь гэж их ярьж байна. Би үүнийг бодож байгаа. Би ч бас улстөрд байсан, хааяа хариуцлагатай ажил хийсэн хүн. Ард хүний нүдээр харж, монгол хүний ухаанаар бодоход Эрдэнэтийн 49 хувийг шийдэж чадахгүй шаагилдаад ядаад байхаар зүйл биш шиг санагдах юм. Эрдэнэтийг би ч “Минийх” гэж хэлэх эрхтэй. Манай хажуу айлын хөгшин ч хэлэх эрхтэй. Тэр битгий хэл Монголд төрсөн хот манадаг нохой хүртэл “Минийх” гэж хуцахад буруудахгүй. Эрдэнэт ч биш эрдэнэсийн бүх ордыг. “Миний юм, манай юм” гэж боддог Монголын хэдэн залуус хуруу хумсаа хуйхалж байгаад хэдэн төгрөг цуглуулаад 49 хувийг нутагтаа аваад ирж. Энэ чинь гэр дотроо хийсэн наймаа юм гэвэл аавдаа хэлээгүй наймаа, улс дотроо хийсэн наймаа юм бол төрдөө хэлээгүй л арилжаа байхгүй юу. Төгс шалтаг нь энэ. Энийг л Ц.Нямдорж яриад байгаа юм. Нямдорж бол төрт ёсыг л сахиж яриад байгаа. Хувьд өгөхгүй гэж байгаа юм бол төрөөс мөнгө гаргаад улсад авчих хэрэгтэй шүү дээ. Хэдэн жилдээ хүүхдүүдэд өртэй л байна биз, цувуулаад л өгчихнө биз. Ингээд шийдчих юман дээр чинь л Нямдорж руу дайраад байх шаардлага юу байна. Нямдоржийг гоочилж болно. Нямдоржийн байж байгаа нь улиг юм шиг санагдаж болно. Шударга ёс хуучрахгүй шүү дээ. Тэгэхээр Нямдорж хуучрахгүй гэсэн үг. Нямдоржийн бодож санаж яваа нь хэзээ ч хуучрахгүй. Би Нямдоржид хайртай. УИХ-д дөрвөн жил нэг ширээнд цуг суусан. Хэзээ, юунд гомдож, юунд баярладаг, юуг өөнтөглөдөг, юуг магтдаг, бүгдийг нь нэвт мэднэ. Тийм болохоор Нямдоржийг би өмөөрдөг. “Түрээсийн байранд байдаг” гээд Нямдоржийг гоочлоод л байх юм. Түрээсийн байранд байгаа Нямдоржийг АТГ-т өгч байгаа юм бол хөдөөнөөс ирж байшин түрээсэлж байгаа муусайн оюутнуудыг АТГ-т өгөх хэрэгтэй ш дээ. Тэгээд шалгахгүй юу. Энэнтэй адил эд нар өрөвдмөөр юм яриад байгаа байхгүй юу.

-Таны хайртай Ц.Нямдоржийг чинь “Шударга дүр эсгэдэг, хонины нэхий нөмөрсөн чоно” маягийн хүн гэх хэсэг ч байдаг л юм билээ дээ?

-Аа худлаа худлаа. Тийм хүн биш. Би Нямдоржийг яагаад өмөөрөөд байна гэхээр өдий дайны төрөөр явсан хүн чинь амьдралынхаа хэрэглээний дайны юмыг эдэлж болно оо доо. Илүүд нэг их үхэж алдан шунахгүй байх. Нямдоржийн нэгэн гайхамшигтай чанар нь хүүхдэдээ л хайртай хүн. Үхэн хатан үрээ хайрлаж чаддаг хүн. Үрээ хайрлаж чаддаг хүн үрийнхээ өмнө нэр хугарах, үрээ хэл амтай хорвоод үлдээх, үр дээрээ сүүдэр тусгаж үхэхийг цээрлэдэг ш дээ. Тэрийгээ мэдэх хүн. Тийм болохоор би өмөөрөнгүй ярьж байгаа юм.

-Та бас намуудын тухай ярина гэсэн дээ?

-Сая АН “49 хувь дээр 51 хувийг нэмээд зуун хувь идэх нь” гэж байна лээ. Тэд өөрсдөө иддэг. Бүгдээрээ л хувааж идсэн. Эрдэнэтийн идээнээс амсаагүй хүн байна гэхээр инээд хүрээд байх юм. Аливаа нэгэн тойруу замаар, улсын төсөвт орсон мөнгө нь хүн бүхэнд талх, будаа болж очиж байгаа. МАН, АН энэ хоёр нам нэр хүндийн хувьд, бодлого, төгс шийдэл, эр зоригийн хувьд, ард түмэндээ эх нь юм шиг зөөлөн сэтгэл гаргаагүйн хувьд, ухаалаг, эрдэмлэг, гэгээн байгаагүйн хувьд шившиг боллоо.

-Хоёулаа юу?

-Тийм. Хоёулаа хэрэггүй. Би шулуухан хэлэхэд Монголын ард түмэнд нам хэрэггүй болж. Ариун нэг сэжүүр ч алга. Тэгэхээр чинь хүн биширч, шүтдэг юм уу. Шилийн хулгайч айлын уяан дээр ирчихээд хүүхдийнх нь толгойг илээд, үнсээд мордоход айлынхан “Энэ хулгайч юм” гэж хэлдэггүй шүү дээ. Тэгж хэлэхээс цээрлэдэг юм. Хүний үр хайрлах тэнхэлтэй хүнийг “Хулгайч” гэж хэлэхгүй шүү дээ. Тэгээд бод доо, монголчууд ямар өргөн дэлгэр ухааны улс байна. Би бүр энэ намуудад дургүй хүрээд байдаг юм. Ярьж байгаа юм нь дандаа дэвшүүлэх, эсвэл буулгах. Бүүр нураах. Эсвэл солих. Ийм юман дээр л маргаад байх юм. Монгол орны хөгжлийн чиг баримжаа, ирээдүйн төлөөлөл, төсөөллийг сольж бод л доо. Тэрний төлөө хэрэлд л дээ.

-Зөвхөн албан тушаалын төлөө алалдаж, сандал ширээгээ л булаалдаж тэмцэлдэх юм даа?

-Албан тушаалыг зарна. Мөнгөөр худалдаад авчихсан ажлыг хэн сэтгэлээсээ хийх юм бэ. Авлига өгөөд, мөнгөөр худалдаад авчихсан юм чинь татах тамхи л гэсэн үг ш дээ. Үхтлээ зүтгэж, оюун тархиа барж, төр түмэндээ танигдаж гарч ирсэн сэхээтнүүд бол омог бардам ажлаа хийж болж байна.

-Тийм чадварлаг мэргэжилтнүүдээ сонгуулийн дараа л өвдөглөөд хаячих юм байна шүү дээ?

-Нөгөө гайтай намын харьяалал тэр. Нэг намд дандаа сайн нь цуглаад, нөгөөд дандаа новш нь чихнэ гэж байдаг юм уу. Тийм юм ерөөс байхгүй. Тэгж ярих юм бол намын харьяалал дотор байгаа хүн тухайн намд байгаа оюунлаг, ухаалаг, эрдэмтэй, ажлаа хийж чадаж байгаа хүмүүсээ аль ч нам хайрлах ёстой. Хүнийг хайрлана гэдэг чинь Монголыг хайрлахын нэг шалтаг шүү дээ. Хүн хүнээ хайрлахгүй бол Монголыг хайрлаж байгаа гэж худлаа хашхираад нэмэр байхгүй. Монгол хүнийг хайрла. Монгол цусыг хайрлаагүй, өмөөрөөгүй байж Монголыг би хайрлаж байна гэж худлаа хашхираад яах юм. Ийм хөөсрөл хэрэггүй. Бид чинь нэг цусны улс шүү дээ. Цусаа өмөөрч чадахгүй, цусыг нь гартал доромжлоод, муу хэлээд сууж байх юм. Амны алдас шиг муухай юм хаа байна. Үгүйдээ соёлтой ярьж болно оо доо. Соёл гэж эд нар солиордог. Соёл гэдгийг монголчууд жудаг гэдэг. Жудагтай, ахан дүүстэй улс шүү дээ. Монголчуудын хүн чанар, эр зориг, бие бялдрын сайхан, эрээ цээргүй, гүдэсхэн, сайхан сэтгэлтэйг нь магтаж дуурайдаг бөхчүүд яаж байна.

-Ээ мэдэхгүй, гэдсэндээ хөлөө жийлцээд байх шиг л байх юм?

– Инээдтэй байгаа байхгүй юу. Монгол эр хүний дуурайллууд ийм өрөвдмөөр, ичмээр байсан юм уу. Бөх барилдана гэдэг чинь тархи барилдахыг хэлдэг юм. Бие барилддаггүй юм шүү дээ. Бөхчүүд Монгол бөхийн өргөө гэдэг бөөрөнхий бялуу шиг хэлбэртэй байшингаас болж хуваагдаад байгаа юм аа даа. Тэгж ярих юм бол төсөв хүрэлцэхгүй байхад үхтлээ гүйж хөөцөлдөн байж босгосон Соёлын яамны орлогч сайд П.Даваасамбуугийн нэрэмжит Монгол бөхийн өргөө гэж байх ёстой юм. Өнөөдөр яагаад энэ тоорт шиг байшинг эд нар идэх гээд байгаа юм. Эд нарт бай мөрий, ашиг дутаа юу. Монголын ард түмний хайр дутаа юу

-Харин ч торгоны дээдийг өмсөж, тэрэгний дээдийг унаа байлгүй?

-Монголчууд бөх түрүүлэхэд юугаа ч хайрлахгүй байхад энэ бөх нар даанч дээ. Үгүй тэгээд, Их хурлын гишүүд, зарим компанийн эзэд жижигхэн спортын төрлийн холбоодын дарга болох дуртай юм. Сэтэр зүүж олон хадагтай хуц ухна шиг болох гээд байх юм. Ямар хэрэг байна. Эдэнд юу дутаав. Их хурлын гишүүнд юу дутчихаад жижиг холбооны дарга болох гээд байдаг юм. Монголын шилдэг акул компанийн захиралд юу дутлаа гэж тэр байшинг булаацалддаг юм. Дунд нь байж байгаа улсыг хар. Өдөржингөө нэгийгээ оршуулж уйлчихаад орой нь хэрэлдэж байгаа юм. Бөх хүн тийм байсан юм уу. Ядахнаа гурав хонуулж болдог байгаа даа. Монголчууд өнгөрснийхөө хойноос дөчин ес хоногт ам муруйдаггүй, зул тасалдаггүй шүү дээ. Тэгсэн чинь дөрвөн цаг ч бололгүй очоод хэрэлдчихдэг. Ертөнцийг мөнхийн юм шиг уучлалтай хандах аваргууд ханхайгаад сууж байх байтал ийм хутгуур болоод явж байх нь дэндүү гунигтай.

-Монгол наадмын зүүний манлай Мөөеө аваргыг уначихангуут л энэ бөхчүүд хагаралдаад уналаа гэж олон түмэн ярих юм?

-Зангарагтай, ухаантай хүн байлаа. Би хар нялхдаа нэг суманд өссөн. Надаас гурав ангийн ах. Их гэгээтэй хүн. Бөх хүнд хоёр гэгээ байдаг юм. Зодог шуудгаа өмсчихөөд байхад нь эс болгоноос нь гэрэл гардаг. Мэхээ хийгээд, барилдаад эхлэхээр дотроос нь гэрэл гардаг. Ийм хоёр гэрлийн зохицолтой хүн бол Мөнхбат аварга байсан. Нас барсан өдөр нь би өөрөө очиж чадахгүй юм чинь харууслын үг фейсбүүкт бичлээ л дээ.

-За юу гэсэн үг бичив?

-“Бадын гол нулимсаар урсаж, Батхаан уул чулуугаар мэгшиж байна” гэж бичсэн. Дэндүү ухаантай хүн байсан. Ухаанаа бүүр бодож байж олохоор их сонин хэлнэ. Шатар сайхан тоглоно. Намайг “Бавуугийн садга” гэдэг байлаа. “Бавуугийн садга миний охидод өгсөн захиаг уншсаар байгаад яруу найрагч болсон юм” гэж номондоо бичээд, телевизээр яриад баллана аа, цаадах чинь. “Миний дүү” л гэнэ. Нэг л удаа намайг п…. гэсэн юм.

-Амных нь уншлага байсан юм биш үү?

-Уншлага ч яахав, хэлэхгүй хүндээ хэлдэггүй юм. Хоёулаа “Найман гишүүн төгөлдөр цай”-ны рекламанд их хүйтэн идэр есөөр явж Чойрын наад талд орсон бууртай тэмээний хажууд зураг авахууллаа. “Ах нь бол чамайг бодохноо таван Д-тэй, би нимгэвтрийг нь өмсье” гээд өгсөн хувцсыг нь өмслөө. Үдшийн хүүш болчихлоо. Хүйтрээд ирсэн чинь бээрээд. Би “Цайны шилбэ босоод сайхан жил болох нь ээ” гэсэн чинь бээрчихсэн, нус нулимс нь гоожчихсон, нөгөө таван Д-тэй хүн чинь бүр үрчийсэн шар юм болчихсон “Чухам аа чухам” л гэх юм. “Эжий санагдмаар цай байна” гэхээр л “Чухам аа чухам” л гэх юм. Тэгэхээр нь би инээчихгүй юү. Үхтлээ инээгээд, нүүрээ малгайгаараа дараад элэг хөшчихсөн чинь “Үхсэндээ инээгээд байгаа п…. вэ” гэж намайг аашилсан. Нэг удаа л тэгж айхтар уурласан. (инээв. Л.Б) Тэр дурсамж одоо надад чихэр шиг санагддаг.

-Та төрийн тухай, төрт ёсыг алдуулахгүйн тухай их бодож, туурвидаг хүн дээ?

-Төрд тархи л ажиллана. Төр бол хүний оюун санааны чадавх, хүн чанар хоёрыг их голдог. Дээд зэргийн хүн чанартай, дээд зэргийн уураг тархитай хүмүүсийг түүх авч үлддэг. Эд нар түүхийн өмнө өнөөдөр муу юм хийж байвал хожим Монголын түүх хонзонгоо авах шиг авна. Түүхийн хонзонгийн өмнө хэдэн үе үржээд ч өөрчлөгдөхгүй. Үүнийг л гашуунаар бод гэж хэлмээр байна.

-Христээс Иуда урвадаг шиг урвагчид ч их байх юм даа?

-Урвагчид яах вэ дээ. Урвана л гээд байх юм. Урваж байгаа нь их сонин ш дээ. Албан тушаалын төлөө урвана, ашигтай газар руу урвана. Ямар хөөрхөн гээч. (Гашуунаар жуумалзасхийв. Л.Б) Энэ чинь соргог бэлчээрт отроор нүүж байгаа нүүдэл биш шүү дээ. Үхсэн хойноо ч урвах бол доо. Өөдтэй ч урваж чадахгүй байна. Амиа хорлотлоо, алуултлаа урваж чадахгүй, зүгээр л золбин урваад энд тэнд далиганаа л, амьтан долоогоод л, эсвэл хазаад л, дунд нь шалчиганаад л, тэнэгтээд л, өөрсдийгөө өмөөрөөд л, таашаалаараа бүлэг бүлэг болж, хэсэг хэсгээрээ бөөгнөчихсөн. Бие биенийгээ аятайхан үг хэлэхээр л дагаад явчихна. Өвс дагаж мал амьдарна, үг дагаж хүн амьдрахгүй. Энийг би хар үсгээр бичээсэй гэж бодож байна. Үг дагаж хүн амьдрахгүй.

-Өөрийн гэсэн толгойтой бай л гэсэн үг дээ?

– Хүн өөрийн гэсэн толгойтой юм чинь үг дагаж амьдарч яах юм. Монгол хүн бол хүн төрөлхтнөөс илүү тархитай, илүү бие бялдартай, илүү сайхан сэтгэлтэй, илүү хүнлэг, илүү түүхтэй бодьгал шүү дээ.

– Ү г дагаж амьдарч болохгүй гэхээр бага хаадын үе шиг болчих юм бол уу?

-Аа худлаа. Чингис хааны маань үр сад хэзээ эвдэрснийг хэн харчихаав. Солиор гэж хэлнэ. Арабын түүхчдийг унш, үгүйдээ Рашид-ад-Диний “Судрын чуулган” уншчих гэж хэлье. “Акбар Моголан” гэж мундаг ном гарлаа. Тэнд Хүлэг хааныг нас барахад очиж байсан хаад, очоод ярьж байсан бүхнийг бичсэн байгаа. Яаж ч муудалцсан хаад том хуралдай зарлахад дайсагнасан байсан ч ирнэ. Үгүй тэр чинь их өвгийнх нь ором нь байж байгаа юм чинь яахав. Үхсэндээ бага хаад эвдрэлцлээ гэдэг юм. Хараагүй байж, мэдээгүй байж. Гадны хүний харж байгаа нүд чинь монгол хүний Монголоо харж байгаа нүд биш шүү дээ. Дотор нүд биш. Хүнд дотор нүд, гадар нүд гэж хоёр юм байна. Гадар мэдрэмжийн сургаар Монголын түүхийг хэрвээ ойлгох гэж оролдвол дэндүү алдас болно. Би Монголын түүхийн сэдвээр өчнөөн жүжиг бичсэн. Би одоо ч бичнэ, амьд байвал. Тулуйгаар “Хаан золиос” гэж нэг сайхан жүжиг хийнэ. Бичиж байгаа. Удахгүй дуусгана. Хийх шиг хийнэ. Монголын хаад чинь тийм хагаралтай байгаагүй. Үхсэн, эдний байгаа байдал Монголын түүхтэй адилхан биш байна.

-Пунцагийн Бадарч ахтай саяхан уулзахад таны тухай яриад л их үгүйлж байх шиг байсан шүү?

-Хөөрхий дөө, мөрөөрөө амьтан. Би Зохиолчдын хороонд “Утга зохиол” сонинд зураач байхдаа Монголын тэр үеийн зохиолчдынхоо номын бараг бүх хавтсыг зурсан. Л.Лувсандоржийн ном, Д.Урианхайн “Хүн танаа”, Бадарч гуайн “Есөн эрдэнийн орон”, Т.Очирхүүгийн “Алтайн унага” гээд захаас нь дурдаад байвал олон. Номын зургаар хүүхдүүдээ тэжээдэг байлаа. Үхсэн хүн зурна. Би чинь зураач байсан ухаантай ш дээ. Зохиолчдынхоо номын дээлийг оёж өгч байсаан. Оёдолчин байлаа. Бадарчийн “Морьд” номыг нь их уншина. “Хэрлэн гэж шүлгээр эхэлнэ. “Нар тосон мэлтэлзэх мөнгөн цартай ус минь Найр наадмын түрүүнд таван түрлэг дуулал минь Надад өвөг эцгийн минь ярьсан цуутайхан домог минь Намуухнаар цав цагаан цахлай наадах ус минь…” гээд бүүр цээжилчихсэн. Үнэн юм энгийн мөртлөө сэтгэлд бууж байгаа нь сайхан. Болчихмоор ч юм шиг, хэн ч биччихмээр ч юм шиг. Сайн юм их хялбархан сонсогддог юм шүү дээ. “Загал” гэдэг дуулийг нь би тооно. Тэр их гоё. “Одод шиг олон ижил дундаа Саран шиг содон морь минь” гэж байгаа юм. Тэгээд нөгөө морь нь гүйгээд ирдэг юм, эргээд. Эргээд гүйгээд ирэхээр нь “Хүний ногтонд эрдэнэт толгойг нь өргөхөд Хүн шиг болсон загалыгаа би уйлав уу даа гэж харсан” гэж байгаа юм. Яая, тэгээд ирэхээр л сэтгэл нэг өөрийн эрхгүй огшоод ирнэ дээ. Тэр чинь их сайхан шатлалтай, драмтай. Төгсгөлд нь “Дахиад би загалыгаа гүйгээд ирвэл түрийнээсээ урт цагаан гаанс, адуунаасаа дөрвөн залуу морь өгнө” гэж дуусдаг байхгүй. Монгол хүнд чинь нэг ийм ааг ханхалсан юм хэрэгтэй байна ш дээ. Бадарч гуайдаа би их хайртай. Одоо ная гарчихаж байгаа л даа. “Монголын уран зохиолын таван хуруу” гэж Лувсандамбын Дашням, Д.Урианхай, Д.Батбаяр, Ж.Лхагва бид чинь “Дөмөн” хамтлагийнхан. Хамгийн бага нь би юм. Одоо бид уран зохиолын хөгшчүүл боллоо доо. Буурал оргилууд гэх нь ч юу юм, ямар ч байсан буурал толгод боллоо.

-Би ч та нарыгаа “сэтгэл оюуны гэрэлт сүмбэрүүд” гэж л боддог доо?

-Чи ч утга зохиолын ахмад буурлууд биднийгээ рестораны нэмэгдэлтэй магтах юм даа. (хоёул инээлдэв) Бид ийм сайхан юм сонсож, хууртаж байгаад үхмээр байна. Тэрнээс би “Сүмбэр” гэж айлгаад давхихгүй шүү дээ. Би та нараасаа ийм үг сонсохоор “Миний хойч үе надад хайртай байна” гэж баярлана аа даа. Энэ урмыг яах юм бэ, та нар.

-Зохиолчдоос ойрд эргэж ирэв үү?

-Ирэлгүй яахав. Урианхай гэхэд хоёр хоногийн өмнө ирээд явсан. Байнга ирнэ. “Найз аа, бид хэд чинь хагас зуун жил үерхжээ” гэж байна лээ. Жаран долоон оноос хойш үерхсэн байна. Тавин нэгэн жил болчихож. Би чинь их догшин ш дээ, ааштай. Тэр муутайгаа ам муруйж ч үзсэнгүй. Тэгэхдээ манай “Дөмөн”-гийнхөн намайг их эрхлүүлнэ ээ. “Лхагвасүрэн ирээгүй найр найр биш” энэ тэр гээд л. Их хөөрхөн онгирооно. Их сайхан юм, найз нөхөдтэй байх. Дашням маань хүлээнэ. Лхагваа маань байхгүй.

-Дашням ахтай саяхан уулзахад та нарыгаа бас яриад л байсан?

-Бид сайхан үерхсэн. Гэр бүлийн найзууд. Хүүхдүүдээ дундаа хийж зулж унтаад л. Ингэж насыг барлаа. Ямар ч байсан сайхан эх оронтой, сайн аав эжийтэй, сайн найз нөхдийн дунд хорвоог барж байна даа. Энэн шиг том аз байдаг юм уу, үгүй юу. Би хүн өсгөх л гэж, хүүхдүүдээ өлсгөхгүй гэж л зүтгэсэн хүн байгаа юм. Жоохон авьяас надад байгаа бол Монголын ард түмэнд юм хийгээд өгчих юм сан гэж бодох юм. Бодож байгаа. Хийсээн. Гэхдээ хүн ер нь бодсоноо хийж бардаггүй юм байна. Бодсоноо баралгүй үхдэг юм байна. Цуглуулсанаа идэлгүй үхдэггүй юм байна. Цуглуулсанаа идэж барж болох байх. Сэтгэл, бодол хоёр хүнээс ямар их урд явдаг гээч.

-Арлааны Эрдэнэ-Очир маань мөн ч залуухан буцлаа даа?

-Зохиолчдын хорооны дарга байхдаа УБДС-д оруулсан миний 13 хүүхдийн нэг. Эрдэнэ-Очирт бол зохиолч хүнд байх ёстой бүх элемент байдаг. Зохиолч хүнд байх ёстой хошин чанар, уянгын чанар, зоримог шийдмэг чанар, энхрий нялуун чанар, онол бодролын мөн чанар бүгд л түүнд байсан. -Хөөдөөгийн Эрдэнэбаатар маань ч бас л… -Хамгийн сүүлд М.Отгонбаяртай орж ирээд “Ном аваад явна шүү, ах аа” гээд явсан юм. Ирэлгүй явчихсан байсан. Ховдод очиход надаас салахгүй. Явуугийн дөрвөн номерын модны дэргэд Баасан бидний авахуулсан зураг зөндөө байдаг юм. Хөөдөөгийн Эрдэнэбаатарт орчлонгоос нууж хадгалсан юм цээж, тархи хоёрт нь нэг ч байхгүй. Цайлган, байгаагаараа, их тодорхой хүн шүү дээ. Уулзуут л уншиж болох, бариут л дуустал уншмаар ном шиг хүү байсан даа. Их галтай цогтой, бадрангуй сайхан яруу найрагч хорвоогоос ингээд явчих юм даа. – За тийм байжээ, хөөрхий… -Эцэст би баярласнаа хэлье. Ярьсныг минь унших хүнд баярлахаас гадна намайг яриулсан чамд илүү их баярлах ёстой. Ард түмэн, бид хоёрын дунд зууч болсны чинь төлөө, өөрийн чинь ярилцлагыг ард түмэн дуртай уншдагийн төлөө дүүдээ маш их баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

​Бавуугийн Лхагвасүрэн: Хүүхдүүдийнхээ нүдэнд хэд хоног ч гэсэн харагдах сан гэж залбирч байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, АНУын Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. Монгол түмний хайртай найрагчийн амнаас нь унах үг бүхнийг алтны үртэстэй зүйрлэн буулгав.

Таны бие тэнхээ данги уу. Ямаршуухан зусаж байна даа?

-Уг нь би орон гаран, хүмүүсийн дунд гэр, хотын дунд зусдаг сан. Энэ зун би орон дээрээ зусаж байна. Айхтар хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэж тав зургаан сар хэвтлээ. Одоо зургаа дахь сар руугаа орж байна. Хүнд ийм нэг хэцүү жил байх юм. Миний том хүү хоёр жилийн өмнө тархинд нь цус харвасан юм. Одоогоос долоо найм хоногийн өмнө дахин харваад гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байна.

-Таны ууган хүү чинь Равжаа ах бил үү?

-Равжаа. Хүүхдүүдийн минь хамгийн том нь, жаран хоёр оны хүүхэд шүү дээ. За, тэгээд Хасар маань Францт нурууны мэс засал хийлгээд өөдтэй болсонгүй. Уул усныхаа дунд гуравдахь хагалгаагаа хийлгэе гээд нутагтаа ирсэн. Наадмын дараа хагалгаанд орно доо. Нугас нь сүрхий дарагдсан юм гэсэн, хоёр ч газар. Хүнд л хагалгаа юм шиг байна. (Хөхүүлж бүгшүүлэн удтал ханиав. Л.Б)

-Хэцүү ч юм аа даа?

-Тэгээд өвчинд жаахан ээрэгдээд сууж байна. Ийм жил хүний амьдралд зөндөө байдаг даа. Хүмүүст тохиолдож л байдаг эд. Гэхдээ хүндхэн л юм байна. Би нэг л юмыг их жигшдэг хүн.

-Юуг тэр билээ?

-Хүн үрийнхээ ард ордгийг л би их жигшдэг. Болж л өгвөл өмнө нь явах юм сан, жамаараа. Үр хүүхдээ өвдөөд, үхэж үрэгдэхийг харвал миний хорвоод амьдарсан минь ямар ч үнэгүй болно гэж боддог. Тэгээд сэтгэл санаа тавгүй, ядарч л байна даа, яахав. Олны буянд, Монголын төр түмний буянд ямар ч байсан би Монголын ард түмний хайрыг унаж зугтан, үхлээс жаахан зуларчихлаа. Миний өвчин бол эдгэх өвчин биш ээ. Бүүр ор сураггүй ханиад шиг эдгэчих өвчин биш. Зүгээр л хүмүүсийн дунд би баймаар байна. Хүүхдүүдийнхээ дэргэд хэд хоног ч гэсэн баймаар байна.

-Байлгүй яах вэ, ах минь. Сэтгэлээ тэгтлээ чилээж яанам?

-Тэр хугацааг л сунгаасай гэж залбирч байх юм. Өвчтэй байхад минь Монголын төр, ард түмэн минь хачин их тусалсан. Би ер нь надад ямар хэмжээний хайртайг энэ их ард түмнээс шалгалт авчих шиг боллоо.

-Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хүртэл таныг Солонгост эмнэлэгт хэвтэж байхад тань цэцэгтэй эргэж байсан даа?

-Хэдэн сайдтайгаа очиж эргэсэн. Би яахав, У.Хүрэлсүхийн зохиож байгаа, эрхэлж байгаа ажлууд, энэ шийдэмгий, зоримог, хүмүүсийн хүсэж хүлээсэн санал бодолд ойрхон юм сэдэж чадаж байгаад нь хайртай байгаа. Их зөв байна даа гэж дуртай байгаа. Намайг ингээд ярихаар чинь зэрэг “Засгийн газраас мөнгө төгрөг өгч тусалсан болохоор долигонож байна” гэж бодоцгооно. Тийм биш. Хүрэлсүхийн надад үзүүлсэн тэр хайр бол ард түмэндээ үзүүлэх хайрын нэг жишиг нь. Тэрнээс Лхагвасүрэн олноос онцгой болоод надад тийм хайр үзүүлж байгаа юм биш. Хүрэлсүхийг би сайхан сэтгэлтэйд нь, иргэндээ хүнлэг хандаж чадаж байгаад нь баярлаж байгаа. Тэр Ерөнхий сайд болсноосоо хойш муу хэлэхээр юм хийсэнгүй шүү дээ.

-Тэр ч таны л бодол байх л даа?

-Аятайхан, аятайхан юм л чихэнд дуулдах юм. Одооноос ямар болох юм. Нэг хэсэг нь авч хаяна, нэг хэсэг нь үлдээнэ гээд эхлэх байлгүй дээ, одоо. Хүн чинь ямар хүнийг ажил хийлгэх биш. Монголчууд минь ээ, монголчуудыг чихийг нь ховгүй, нүдийг нь гуниггүй, хутгаж үймүүлээд байлгүй, сайн муу яриад байхгүй мөрөөрөө байгаад өгөөч гэж гуймаар байдаг юм.

-Та өмнөхөөсөө нэлээд жин хаяж, бас ядранги харагдаж байна шүү?

-Би гучин дөрвөн килограмм турсан. Ерэн дөрвөн килотой байсан чинь одоо жаран кило болсон.

-Өвдөж зовох нь гайгүй юу?

-Байхгүй. Ходоодоо авахуулчихсан, арван хоёр нугалаа гэдэс, нарийн гэдэснээсээ авахуулсан. Ер нь энэ цээжин дотор гэдэсний төрлийн юм бага үлдсэн л дээ. Ингэж авахуулаад, хоол унданд ороод тонжирсон улс байна аа. Цаг хугацаа ордог гэнэ. Зөндөө эмчилгээ хийлгэдэг гэнэ. Хэдэн жил үр хүүхдэдээ харагдаад явж байхыг л хүсэж байна.

-Хоолны дэглэмийг ч нарийн чанд барих юм байна даа?

-Маш чанд нарийн барьж байгаа. Гүйцэд бол болохгүй. Хоолыг сайн зажлах хэрэгтэй юм байна. Би эрүүл байхдаа ч үхэх гэж байгаа юм шиг их иддэг хүн биш шүү дээ. Жоохон амттай юм идчихнэ. Архи уугаад, согтоод, ходоодоо эргэтэл бөөлжиж байсан өдөр байхгүй. Яахаараа ч миний ходоод өвддөг юм. Тэгсэн их сонин юм байна.

-Юу нь сонин байна?

-Ходоод бол зүрхнээс илүү мэдрэмхий эрхтэн гэж намайг эмчилж байсан солонгос эмч хэллээ. “Хамгийн их мэдрэмхий эрхтэн бол ходоод байдаг юм. Таны ходоод өвддөг чинь стресснийх. Ядарсных. Бүх л сэтгэл зовнилоос болж байгаа юм. Та ходоодыг амьгүй юм шиг ойлгодог. Яруу найрагч та нар бол дандаа зүрх л бичдэг дээ” гээд инээж байна лээ.

-Монголчуудын маань ходоодны аюулт өвчин усны зэвээс ч юм уу, шалтгаалдаггүй байгаа. Солонгос эмч нар юу гэж байх юм?

-Солонгосууд чинь “Хөгжил дэвшлээс хүн өвчин олно” гэж ярьдаггүй улс шүү дээ. Монголчуудын эрүүл байдаг нэг шалтаг нь дэндүү сайхан эрүүл юм хэрэглэдэг. Бид зэвтэй ус уулаа, уулаа гэхэд мянгаад жилийн түүхтэй Европын хотуудын ус шиг ус уугаагүй байх аа, явж явж. Ядарлаа ядарлаа гэхэд Парисын ус шиг ус уугаагүй байх. Нью-Йоркийн ус шиг ус уугаагүй байх гэж би бодож байгаа. Миний эх орон бол ариун, бүүр цаагуураа ариудсан газар юм. Хүндээ ээлтэй байгаа нь, хүүхэд нь өсөж байгаа нь, хүн нь бядтай, бяртай байгаа нь, барагтай өвчнийг эсэргүүцэж өндийж байгаа энэ тэрийг харахад гайхалтай. Хүн ер нь явж явж ийм сайхан орныг онож төрнө гэдэг ёстой том хувь заяа юм байна. Эцсийн эцэст монгол хүн болж төрсөндөө хязгааргүй баярлаж байгаа. “Зиндаа” сэтгүүлийн нэг дугаар сая надад зориулагдаж гарсан л даа. Би тэр сэтгүүл дээр “Ямар азаар би Монголоо онож төрөв өө” гэсэн гарчигтай их том ярилцлага өгсөн. Монголыг онож төрнө гэдэг хэр баргийн хүнд заяадаг тавилан биш. Тэрийгээ ойлгож амьдармаар байна. Ээ, мөн сайхан даа.

-Яруу найрагч, зохиолч хүнээс ч уран бүтээл хийж байна уу гэж асуухаас л аргагүй байдаг даа?

-Хийнэ ээ. Ядраад байх юм. Дөрөв таван хуудас юм биччихээр гар өвдөөд, толгой чилээрхэж өвдөөд байх юм. Аргагүй л цаагуураа ядарч байна. Хоол бага идэхээр тэнхээ суухгүй байна. Би өдөрт хэдэн халбага тунгалаг шөл, дунд шаазангийн ёроолоор нэг бантан, малын сархинагтай гурилтай жаахан шөл идэх юм. Яах вэ, болж байна. Малын сархинаг хүний биед их сайн юм гэнэ. Тэр бүрий олдохгүй. Сархинагийг хичнээн буцалгасан ч тос гарахгүй юм. Хичнээн удаан чанасан ч зөөлөрдөггүй, ямар ч мундаг эрхтэн юм бэ. Би сархинагтай шөл уугаад бүр сурчихлаа.

-Цоохор сархинаг уу, салбантай сархинаг уу?

-Аль нь ч байсан сайн. “Сархинаг сайн” гэж хүн болгон хэлнэ. Болж өгвөл баастай нь идээрэй гэнэ.

-Тээр. Тэрэнд нь эм байдаг байх нь?

-Хэн мэдэх вэ, хөөрхий минь. Ямар гээч юмаа хураадаг эрхтэн юм. Тийм л юм идээд сурчих янзтай. Бидний ярвайдаг юм бүхэн ядрахын цагт эм болно гэж бодож байсангүй. Хүүхэд байхад ээж минь сархинаг сайхан цэвэрлээд ногоо хөшиглөж, бууз шиг дунд нь хийгээд хоёр амыг нь хөвөрдөөд чанаад өгдөг байсан. Тэр нь ч нандин гэж юу гэхэв. Тэгж л нэг ганц хоёр иднэ үү гэхээс тэгтлээ идэж ч явсан биш. Эрхэлж иднэ үү гэхээс эмнүүлж идэж явсангүй. Идэх юм бүхэн минь дэргэд байсныг одоо л ойлголоо.

-Гэртээ та түрдэг тэрэгтэй яваад байна уу?

-Тийм, энэ түрдэг дугуйтай юмтай явчихна.

-Тоормоз энэ тэртэй их сүрхий эд юм аа?

-Аа, энийг солонгос эмнэлэг өгсөн юм. “Энийг түрээд явж бай. Их хөдөл” гэдэг юм. Хөдлөхгүй бол загнаад байдаг.

-Хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг нэг үг байдаг даа, тээ?

-Мэдэхгүй, хөдөлгөөн л их хэрэгтэй гээд хөдөлж байна даа.

-Уран бүтээл гэснээ яриа маань хадуурчихсан байна шүү?

-Хийж байгаа. Ердөө наадам өнгөрөөгөөд номоо хэвлэлд шилжүүлнэ. Хийдгээ хийж номоороо л амьдрахгүй бол яаж амьдрах билээ. Энэ Зайсангийн байрыг “Жаахан нар, салхитай юм” гэж муусайн хүүхдүүд минь гурав дөрвөн жилийн өр тавьж авлаа. Ийм өвчтэй хүн чинь “Юмыг яаж мэдэх вэ” гэдэг үүднээс бодсоноо жаахан ч гэсэн бичиж үлдээх ёстой ёо доо. Би тэр шаардлагыг их чухалчилж байгаа. “Их гэрийн хаяанд хэвтсэн нохойн улиан” гэж дурсамжийн номоо нухаж байна. Үхэхээсээ өмнө хэлэх үгээ хэлж байж үхнэ ээ. Тэрнээс би хэн нь мэдэгдэхгүй, муу хэлье гэсэн хүнд муу хэлүүлээд, магтъя гэсэнд магтуулаад зүгээр нэг дуусмааргүй байна.

Categories
мэдээ цаг-үе

​Араажавын аргилхан хоолойт, агуу тайлбарлагч Агвааны Ганбаатар

Жил жилийн наадам дөхөхөөр араажаваар аядуу хүнгэнэсэн хоолойгоор дэлхийд хосгүй монгол бөхөө чихэнд хоногштол тайлбарлах Агвааны Ганбаатар хэмээх агуу их тэнгэрийн дуучийг үгүйлэх. Гагц би ч биш бөхөд хайртай монгол түмэн үгүйлэн санана. Түүнийг тэнгэрийн их дууч хэмээсэн нь цаанаа их учиртай биз. Ямартаа ч тэрбээр бөх тайлбарлахдаа яг л дуу аялах мэт айзам хэмнэлээр хүмүүний чихнээ наалдац сонсголонтойгоор хүүрнэн, агаарын долгионоор араажав амилж нүдэнд харагдтал бөхийг сайхан тайлбарладаг сан гэх ард олондоо алдаршсан авьяаслаг нэгэн байж. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, улсын начин, бөх тайлбарлагч А.Ганбаатар Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт 1964 онд төрсөн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын гарьд Пунцагийн Сүхбат нарын алдартнуудтай нэгэн үед дэвж дэлсэн луу жилтэн юм. Долоон хүүхэдтэй айлын ууган хүү тэрээр нэгдэл нийгмийн ямаа хариулж, хаврын урт шар өдрийг бэлчээрт өнгөрөөн, угалз босоход айж, сургуульд ороод дотуур байранд идээшиж өгөхгүй хэсэгтээ зутарч, өвөө эмээгээ санан оргохдоо тулж, зургадугаар ангид орох жилээ сумынхаа наадамд зодоглон Доржсэмбэ заанд нусаа сугартал гуядуулаад унасан ч зориг зүрх алдаагүй “эрийн хуйх” байсныг яруу найрагч, цаасан урлаач Цээнзэнгийн Галбадрах бичсэн удаатай. Түүнийг Даланзадгадын арван жилд сурч байхад, секц дугуйланд авдаг багш нэгээхэн бээр байсангүй. Сахилгагүйн “шалтаг” түүний хүчтэй “өрсөлдөгч” байснаас тэр. Харин нэг өдөр Жаргал багш нь “Хотоос Рагчаа гэж дасгалжуулагч ирсэн. Спорт хороон дээр бөхийн секц хичээллүүлэх юм гэсэн. Чи ирж уулз” гэнгүүт мань эр ч чавхны чулуу шиг “нисээд” хүрч. Гоё ах байна гэнэ. Өтгөн хар хөмсөгтэй, бас сахалтай. Улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер цолтой. Багш ч шалгаж, Ганбаа ч шалгуулаад тэнцэн “сэтгэлийнх нь нар” гарч бөхийн секцэнд орж явчихсан гэнэм. Түүнийг арван гуравхан настай байхад 1977 онд ээж нь өөд болж, зургаан дүүгийнхээ хамт өнчирч үлдсэн байна.

Тэр үед өнчин тэднийг гэх хүн нагац эгч Цэрэнчимэд, хүргэн ах Чимэддорж нар нь л байсан аж. Бөхийн дугуйланд явахын тулд оройн хоолны гурилыг маш хурдан элдчихээд л гарч өгдөг байсан Ганбаа хүү 1980 онд наймдугаар ангиа төгсөөд Налайхын ТМС-д сурахаар “ГA3-53” машин хөлөглөн нутгаасаа гарч байсан гэнэм. 1983 онд Налайхын Геологи, уул уурхайн ТМС-ийг дүүргэн Налайхын уурхайгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн тэрээр 1986 оноос “Барилгачин”, “Хөдөлмөр” нийгэмлэг, Налайх дүүргийн спортын хороонд дасгалжуулагч, арга зүйч, 1994 оноос бөхийн “Говь” клубийг санаачлан байгуулж, захирал, дасгалжуулагч, Монголын сонгомол бөхийн холбооны нарийн бичгийн дарга, “ХОТШ” бөхийн дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Монголын радио, телевизэд хөтлөгч, тайлбарлагч, 2000 оноос “МИАТ” компанид дасгалжуулагч, 2004 оноос УИХ-ын гишүүний орон тооны бус туслах, “Кёкүтэнхо” сангийн гүйцэтгэх захирал, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн спорт, соёлын төвийн даргын албыг хашсан байдаг. Багадаа хонь хурганы бэлчээрт араажав сонсон Бадамсэрээжид гуайг дуурайн цулбуур, цооргоноор дуун сацруулагч хийж явсан хөвүүн 1983 оноос бөх тайлбарлагчаар ажиллан, 1993 онд соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн бөх тайлбарлагч ууган гавьяат юм. Ганбаатар тайлбарлагч МҮБХ-ны цэцийн гишүүнээр хоёр удаа сонгогдон ажилласан байдаг. Түүнийг ард түмэн барилдуулах тун дургүй байсан гэдэг. Энэ тухай түүний багш, даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монголын спортын монгол Гагарин Жигжидийн Мөнхбат “Налайхаас Сүхбат, Ганбаатар гэдэг хоёр хүү ирсэн нь хоёулаа монгол бөхийн түүхийг бичилцэх хүүхдүүд байлаа. Ганбаатар их саваагүй л дээ. Барилдаж байгаа бөхчүүдийн мэхийг нь ярина. Өөрийг нь элэглэнэ. 1986 онд “Алдар” нийгэмлэг дээр Жадамбаа генерал ирэхэд анх жагссан бөхчүүдийнхээ өмнөөс рапорт өгсөн нь бөхийн алдартай тайлбарлагч болох замыг тэгшилсэн. Олон түмэн Ганбаатарыг барилдахад их дургүй. “Аварга аа, цаадахиа битгий барилд гэж хэлээд өгөөч” гэдэг байлаа. Бөх тайлбарлуулах гэж тэр л дээ. Бөхийн барилдаануудыг он, сар, өдөртэй нь, мэхтэй нь зогсоо зайгүй ярьдаг монгол бөхийн их билэг ухаантан байлаа” гэж халуун дотноор дурсан ярьсан удаатай. Ганбаатарыг үе тэнгийнхэн нь “анализ” Ганбаа гэдэг байсан түүний энгүй цэцнээр цээжээр ярих их авьяасыг нь үнэлсэн хэрэг байлаа.

Ганбаатар агсантай Төв цэнгэлдэхийн асарт олон жил хамтдаа сууж, наадам шууд дамжуулах үүрэг хүлээсэн Монголын радиогийн нэвтрүүлэгч Г.Отгон “Наадам эхэлсний дараа Ганбаа маань барилдааны нэгийн давааг нээж, хүнгэнэтэл сайхан үг хэлчихээд барилдахаар талбайд гардаг байлаа. Тэгээд хэзээ унана, тэрний дараа шууд нэвтрүүлгийн өрөөнд ирдэг байв. Ер нь бол хурдан унаад, бушуухан бөхөө тайлбарлаасай гэж ард түмэн хүсдэг байсан байх. Хамт байгаа бид хүртэл тэгж боддог байлаа. Бөх хүнийг унаасай гэж бодох хүн хаа байхав. Гэхдээ л Ганбаагийн дуу хоолойг, түүний тайлбарыг сонсох гэж ард түмэн тэгж боддог байсан нь үнэн. Начин маань тийм сэтгэлийн хүлээс үүстэл амьд тайлбарладаг байлаа” гэсэн нь даанч дэндүү үнэний хувьтай. УИХ-ын эрхэм гишүүн, аварга Д.Сумъяабазар “А.Ганбаатар ахтай ерээд оноос танил болсон. Өмнө нь улсын шигшээд тамирчин байх үеэс мэддэг байсан. Манайхыг IV хороололд байхад тэднийх манай хажуугийн байранд байдаг байлаа. Манайхаар ирж, аавтай бөх ярина. Айраг их ууна. Бөхийн түүх, бөхийн хөгжлийн талаар ярих дуртай хүн байсан. Тэр үед Ганбаа ах аймгийн заан цолтой байсан. 1990 онд улсын начин болсон санагдаж байна. 1995 оны нэгдүгээр сард манай чөлөөтийнхөн Ираны “Тахтын цом”-д оролцсон үеэс түүнтэй илүү сайн танилцсан. Тэмцээний үеэр дэвжээн дээр гарч ирнэ, буланд сууна. Турк, Ираны том том бөхчүүдтэй хэзээний л найз нөхөд болчихсон явдаг, их нийтэч хүн байсан. Хүнийг өөртөө амархан татаж чаддаг, түшигтэй, сайхан хүн байсныг нь би онцолж хэлмээр санагдаж байна. Хамт байхад хэзээ ч уйдахгүй, их наргианч хүн. Түүнийг би бөхийн тайлбарлагч гэдэг мэргэжлийг төгс утгаар нь харуулж чадсан гэж боддог. Тэр сайхан хүний орон зай үнэхээр үгүйлэгдэж байна. Барилдаж байхад Ганбаа ах хүнгэнэтэл яриад эхлэхээр сэтгэл сэргээд, нэг л өөр болчихдог байсан. Ядарч байхад хүч нэмдэг гэх үү дээ. Нэг л бяр ороод, хийморь сэргэх шиг болдог. Бөх, үзэгч хоёрыг бөхийн тайлбарлагч л холбож байдаг. Сайн барилдаантай, сайхан тайлбартай бөх үзэх ч сайхан шүү. Үзэгчийн үүднээс бодоход. Одоо ч гэсэн барилдах бүрт надад тэр сайхан хүний дуу хоолой чихэнд сонстох шиг л болдог” гэж өгүүлсэн.

Араажаваар бөх тайлбарлахдаа ард түмэндээ амьдын жаргалын дээдийг эдлүүлж асан Ганбаатар агсан “Би 1990 онд Ардын хувьсгалын 69 жилийн ойгоор тав давж улсын начин цол хүртсэн. Тэгэхэд тэр үед манай нийгэм, эдийн засгийн байдал ямар байлаа, хэний халаасанд хэдэн төгрөг байлаа. Би даваа өгсөн Дамдин аваргад хадаг, шил архи 100 төгрөгтэй аваачиж өгөхөд Дамдин аварга миний 100 төгрөгийг “Гэрээр чинь хүн амьтан их ирнэ. Хэрэглэ” гэж буцааж өгөөд архийг нь хоёрхон таслаад гэдийгээд хөнтөрчихөж байсан, хадгийг минь бурхныхаа өмнө тавьсан. Өөрт тохиолдсон энэ үнэнээ би хаана ч, хэнээс ч нуухгүй. Дамдин аварга “Начин хүн улсынхаа наадамд сайхан гурав дөрөв давдаг байх ёстой юм шүү” гэж хэлсэн. Тэрнээс хойш улсынхаа наадамд найман удаа гурав, хоёр удаа дөрөв давснаараа Дамдин аваргынхаа захиасыг биелүүлж явж дээ гэж боддог” гэж монгол бөхийн даваа ахиулдаг жудгийн тухай хүүрнэсэн нь бий.

Тэрээр мөн “Бусдаас ялгарах онцлог нь би зургаан настайгаасаа Монголын радиогоор Бадамсэрээжид арслангийн дуу хоолойг сонсож, хонины бэлчээр дээр амандаа ташуур барьчихаад дууриаж, өөрийнхөө нууц авьяасыг нээж байсан. Баянмөнх аварга, Дагвасүрэн арслан, Дамдиншарав багш нар намайг бөх тайлбарлагч болгосон. Анх 1982 онд тайлбарлаж байхдаа зургаан төгрөг авдаг, Дамдин аваргатайгаа хамт “Улаанбаатар” ресторанд ороод хоёр хуйцаа аваад идчихдэг байсан. Дандига, Мөөеө, Баянаа, Цэрэнтогтох, Хадаа зэрэг энэ их хүмүүс бол миний шүтээн. Би чинь Дандига аваргынхаа өвөрт нь унтаж явсан хүн байхгүй юу. 1980 оны есдүгээр сарын 16-ны 16 цагийн орчимд Налайхаас хотод орж ирчихээд УБДС-ийн буудал дээр “Долоон буудал” орох санаатай автобус хүлээгээд зогсож байтал хүрэн цувтай, хүрлийсэн, хүрэн бор царайтай хүн салхи сөрөөд баруун хойшоо хараад зогсож байна. Ойр хавьд нь байгаа хүмүүс “Дамдин аварга гэдэг чинь энэ шүү дээ” гэж шивнэлдээд, Дамдин гуай лухайгаад л зогсоод байгаа. Би тэгэхээр нь зориг гаргаж очоод “Сайн байна уу, Дамдин гуай, намайг Ганбаатар гэдэг юм. Би Өмнөговийн хүүхэд, бөхөд их хорхойтой, сая ТМС-ийн цалин буусан. Таныг хоолонд урьж болох уу” гэлээ. Тэгсэн Дамдин гуай нэг их том инээснээ “Тэгье” гэдэг юм. Ингээд бид хоёр Улаанбаатар зочид буудлын ресторанд орж нэг нэг хуйцаа, 100 граммтай авдаг юм. Дараа нь Дандига “Сайхан танилцлаа, миний дүү дараа ирэхдээ манайд очоорой” гэж хаягаа хэлээд автобусны урд хаалгаар орлоо. Түүнээс хойш их дотно сайхан танилцсан даа” гэж сүүлийн ярилцлагадаа дурсчээ.

Түүний тухай хөдөлмөрийн баатар Ч.Дамдиншарав багш нь “Энэ хүүхэд сайн тайлбарлагч болох найдвар байна” гэж шавь нартайгаа бэлтгэлийн бус цагаар ярилцана. Манай багийн эмч, улсын арслан П.Дагвасүрэн ч дэмжиж, Улсын аварга шалгаруулах өсвөр үеийнхний үндэсний бөхийн тэмцээнийг тайлбарлуулахаар шүүгчидтэй ярилцан тохиров. Бид тэмцээний дундуур очиж, юу нь болж, юу нь болохгүй байгааг хэлж өгдөг байв. Алдаагаа давтдаггүй нь түүний гайхамшигт онцлогийн нэг. Ингэж л бөхийн тайлбарлагчийн ажилд эргэлт буцалтгүй орсон хүн дээ, тэр” хэмээсэн байдаг. Монгол бөхийн дууч болсон түүний гэгээн дурсгалд зориулсан хөшөөг 2014 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт босгож, “Тэнгэрийн дууч” хэмээх баримтат киног бурхан болсноос нь нэг жилийн дараа 2006 онд бүтээсэн байна. Араажаваараа овоглож, ард түмэндээ аядуу дөлгөөн зан, аялаг сайхан хоолой, бөхийн их мэдлэгээрээ шагшигдсан билэг төгөлдөр тайлбарлагч Агвааны Ганбаатарын хайртай гэргий Н.Тунгалаг нь “Миний хань хорин нэгэн жил бөх тайлбарлаж, арван жил зодоглосон бөхийн агуу тайлбарлагч, улсын начин цолтой бөх хүн. Хүү Идэрмөнх, охин Мөнхзаяа хоёртоо мөн ч их хайртай байсан даа. Охиноо хүзүүн дээрээ байнга суулгаж явдаг нинжин сэтгэлийн дээд байлаа” гэсэн нь түүний мөн чанарыг илтгэх шиг санагддаг. Түмний сэтгэлд хоногшсон тийм сайхан дуу хоолойтой хүн төрсөн үрээ тийн эрхлүүлэлгүй ч яах вэ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мягмардорж: Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл боловсруулан ажиллаж байна

“Altai gold” компанийн ерөнхий захирал Цэндээгийн Мягмардоржтой уулзаж ярилцлаа. Монголын шинэ үеийн сэтгэдэг, сэтгэснээ хөдөлмөртөө шингээж ирээдүйг цогцлуулдаг шоргоолж шиг ажилсаг энэ хүн нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулахын зэрэгцээ урлаг соёл, спортыннхонд ч ээлтэй ханддаг нэгэн билээ.


-Таныг сурагч байхаасаа техник сэтгэлгээ сайтай, хөдөлмөрч нэгэн байсан гэж сонссон. Зах зээлд шилжих үед хар зурагтыг өнгөт болгож байсан гэдэг бил үү?

-Би бага байхын л техникийн хоббитой хүүхэд байлаа. Дөрөв, тавдугаар ангид байхаасаа техник яаж явдаг юм, ямар зарчмаар ажилладаг юм гэж сонирхон, дотоод шаталтат хөдөлгүүр, хурдны шатлал энэ тэрийг судална. Би Өвөрхангай аймгийн Уянга сумын хөдөөний хүүхэд болохоор техник технологийн талаар мэдээлэл авах боломж нөхцөл бараг байхгүй. Тиймээс өөрөө л “Иймэрхүү л юмнууд байдаг болов уу” гэж их боддог байсан. Сүүлд “Жолооны сурах бичиг-3” гэсэн ном олж аваад тэрэн дээрээс цахилгааны эх үүсвэр ямар зарчмаар ажилладаг юм бэ гэдгийг физикийн хичээлээр заалгасантайгаа уялдуулан мэдэж авсан. Түүнээс хойш их олон техник сонирхож эхэлсэн дээ. Тухайн үед хэчнээн төрлийн хөдөлгүүр байна вэ гэдгийг мэдсэн. Цахилгаан, дотоод шаталтын, атомын, салхин хөдөлгүүр гэж ерөнхийдөө дөрөв хуваагддаг юм байна гэдгийг мэдээд авлаа.

-Тэгээд яав?

-Харьцангуй илүү сонирхсон нь гэвэл цахилгааны талын зарчмууд байлаа. Машины хол, ойрын гэрэл гаргадаг цахилгаанаас эхлээд сүүлдээ электрон техникийн щит, микро схем, транзистор энэ тэрийг судлаад ойр зуурын юм багагүй угсарчихдаг болсон. Ерээд оны эхээр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр жаахан ажил хийж хөдөө орон нутагт нарны дэлгэц, салхин сэнс тавьж эхэлсэн. Нэгэнт 200 вольт тэр бүрий байхгүй, тогтмол гүйдэл 12 вольт юм чинь 220 V байлгадаг болгохын тулд тухайн үед байсан “Junlifu”, “Tiana” маркийн телевизүүдийг 12 вольтоор ажиллуулах боломж юу байна гэж гүйдэл систем тогтмолжуулагчийг нь өөрчилж, видео гаргадаг VCD-ийг 12 вольтоор ажилладаг болгон өөрчилж Баянхонгор, Өвөрхангайгаар нэлээд их зарсаан. Тэрүүхэндээ багагүй амжилт олсон. Тэгэнгүүтээ өнгөт зурагт дээр 12 вольтоор гаргах ямар боломж байна гэж судаллаа. Өнгөт дээр нэлээд асуудал байсан. 66 вольтоор ажилладаг дэлгэцийн гэрэл нь болохгүй байсан учраас анх удаагаа 12-ыг өсгөдөг жижиг 60 ваттын юниветерийг өөрөө угсарсан. Энэ юниветерийг тавьснаас хойш электрон техник, компьютер технологийн чиглэлд багагүй амжилт олсон. Сүүлдээ өрсөлдөгч ихтэй болсон болохоор бизнесийн чиглэлээ өөрчилсөн. Эвдэрсэн өнгөт зурагтаа засуулах гэж Улаанбаатар хотоос хүртэл манайд хүмүүс их ирнэ. Хотод бараг л засдаггүй байж. Цагаан сарын үеэр бол өдөр ч, шөнө ч завгүй бөөн дугаарласан хүнтэй л байдаг байлаа. Хэдэн нөхөртэй сэлбэг хэрэгслийн хувьд харилцаатай ажилладаг байсан.

-Та чинь бараг дунд сургууль дүүргээгүй хүн байж яаж тийм нарийн ширийн мэдлэгтэй болов?

-Орос хэлээр хэвлэгдсэн цахилгаан техник, электрон чиглэлийн номуудыг бие дааж нэлээд үзсэн. Сүүлдээ бичгийн англи хэл сураад англи хэлээр гарсан зүйлийг нэлээд сонирхсон. Юм хийж байхад зайлшгүй хэрэгтэй учраас тайлбар толь их ашиглана. Одоо бол би цаасан дээр бичээтэй техникийн талын материалыг бол овоо гадарлана шүү.

-Таны цахим хандалтыг анзаарч байхад гадаад улс оронд их явах юм аа?

-Сүүлийн үед би Монгол Улсад Сэргээгдэх эрчим хүчний талаарх буюу халаалтын бага зардалтай халаалтын системүүдийг оруулж ирэх талаар сонирхоод яваад байгаа юм. Дубайд хэд хэдэн удаа олон улсын Сэргээгдэх эрчим хүчний үзэсгэлэнд оролцсон. Хятадын Шанхай, Фужи, Дайлань гэж хэд хэдэн хотоор явж үзсэн. БНСУ-д гарсан үзэсгэлэнг үзлээ. Энэ бүхнээс харж байхад гадаад улс оронд технологи аймаар өндөр хөгжсөн байна. Бид зарим зүйлийг бараг мэдэхгүй шахуу байгаад байдаг. Манайд зээл, тусламж, хандиваар өгч байгаа юм үндсэн үнээсээ бараг хоёроос гурав дахин үнэтэй байдаг юм байна. Бид шууд үйлдвэрлэгчтэй харилцвал үнийнх нь гуравны нэгээр нь худалдан авах боломжтой юм билээ. Сэргээгдэх эрчим хүч, нарны дэлгэц энэ тэрийн хүчин чадал сайжирсан ч үнэ нь жилээс жилд харьцангуй буурч байгаа. Төрөөс ирж байгаа үйлчилгээ их үнэтэй байна. Миний харснаар аймгуудад Солонгосын тусламжаар барих дулааны станцуудыг 42 сая ам.доллараар босгоно гээд байгаа. Энэ станцууд бол зөвхөн дулаан гаргахаас тог үйлдвэрлэхгүй. Миний ойлголтоор яг үүнтэй адилхан хүчин чадалтай, 30 мега тог гаргах чадалтай дулаан түгээх станц 42 сая ам.долларын өртөгтэй байна.

-Дулааны станцуудаас тог гаргадгаараа илүү хүчин чадалтай байх нь байна шүү дээ?

-Илүү тог гаргана. Манайхны авах гээд байгаа станцуудаас тог гарахгүй. Миний харсан нөгөө станц дулаан гаргана, уур гаргана. Уур нэгэнт гарч байгаа тохиолдолд маш олон тооны технологийн юм хийж болно. Жишээ нь, ундааны савыг уураар шахдаг. Энэнд ашиглаж болно. Бас уураар модноос өгсүүлээд бетоныг хүртэл хатаах үйлдвэрлэл явуулж болно. Дулааны станц усыг их бодож 80 градус халаагаад түгээдэг бол дулааны сэргээгдэх эрчим хүч гаргаж байгаа тийм станцууд уураар маш олон технологийг ашиглаж хатаах, сайжруулах боломж их.

-Та одоо Монголдоо нэртэй 16 компанийг удирдаж байгаа хүн. Бизнесийн гараагаа юугаар эхэлж байв?

-Би нэг хэсэг зураач байлаа. Гэрийн мод, тавилга сийлнэ. Сийлбэр хийнэ. Манай Өвөрхангайн Уянга сум чинь угалзтай, гэрийн эрээн модоороо алдартай. Би зураач хүн учраас арай өөр төрлийн юм хийх гэж нэлээд оролдсон. Хүмүүс лаанаасаа дөнгөж ангижраад сэргээгдэх эрчим хүч сонирхож эхлэх үед би энэ салбар руу түрүүлж орсон болохоор хөөрхөн амжилт олсон. Тухайн олсон амжилтаараа уул уурхайн салбарт ороод арваад жил болсон. Энэ салбараа өөрчлөхийн тулд би сэргээгдэх эрчим хүч, шинэ технологийг зориод тэмцээд байгаа юм.

-Уул уурхай эрхэлдэг гэхээр манайхан “Газар шороо сэндийчлээ” гээд их бухимддаг даа?

-Би ард түмний санаа бодлыг өөрчлөх юм уу, тийм ийм гэж дүгнэлт өгөх нь буруу байх. Миний бодлоор хүмүүс мэдээлэл мэдлэггүй, технологи шинэчлэлийг анзаарахгүй, бусад улс орноор явж юм үзэж нүд тайлаагүй учраас мухар сүсгээр хандаад байх шиг байгаа юм. Одоо зарим улс орон шинжлэх ухааныг ашиглаад цаг агаарыг удирдаад байгаа. ОХУ, Казахстан зэрэг улс хавар газар тариалангийн ид ажлын үеэр Монголд аль болохоор бороо оруулахгүйгээр байлдааны янз бүрийн бөмбөлөг үүсгэгч, бусад төрлийн онгоцуудаар үүл хуралдуулж байгаад өөрийнхөө нутагт бороо оруулчихаад, нар буцаад намар болоод ургац хураах үед манайх руу үүл явуулчихаж байгаа юм. Ингэхээр өвөл Монголд цас их унаж хүйтрэх жишээний. Үүнийг уул уурхайтай холбох шаардлагагүй шүү дээ. Төр засгаас иргэдэд уул уурхайн талаар эерэг зөв мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. Одоо Монголд алтны шороон орд үндсэндээ дуусаж байна. Тиймээс өөр салбарт хөрвөх чадвартай байхын тулд арван хэдэн охин компани байгуулсан. Эдгээр компаниуд маань янз бүрийн л үйл ажиллагаа эрхэлж байна. “Дөргөн” нарны цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалт хийгдэж, одоо ажил эхлэхэд бэлэн болсон. “Тарагт энержи солор” гэж компани Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд нарны цахилгаан станцын төсөл хийгдээд явж байна. Нарны дулааны станцаас гадна трубин эргүүлж тог гаргадаг, дулаан, уураа өгдөг станц барихын тулд судалгааны ажил явагдаж байна. Бичиг баримт нь Засгийн газар, Эрчим хүчний яаманд явж байгаа. Бусад зах зээлийг судалдаг, үнэлгээ хийдэг компаниуд бас байна. Нефтийн чиглэлд юм хийх гээд Индонезийн талтай яриад, Японтой түлшийг нанотехнологиор эмусилэхээр “Хаан петролиум” гэж түлшний компани байгуулаад явж байна. Монголд япончууд энэ технологийг оруулахгүй учир Индонезийн захиалгыг Монгол руугаа татах гээд ярьж байна.

-Ямар учиртай технологи билээ?

-Дизелийн түлшийг давсны төрөлгүй устай тавин хувиар холиод, нано технологиор эмүсьлээд шатаадаг. Энэ технологийг Японд одоо зөвхөн хотын нийтийн тээвэрт хэрэглэж байна. Ер нь устөрөгчийн шатах хэлбэр болж байгаа учраас техникийн хүчин чадал нь 12 хувиар сайжрах юм билээ. Ямар ч утаа гарахгүй. Энэ технологийг Өмнөд Солонгос одоо нэвтрүүлж байгаа. АНУ нэлээд захиалга авсан байна. Африкийн зарим нэг орон Америкийн тоног төхөөрөмжийг аваачин эмусилж худалдаалаад тодорхой ашиг олж байгаа. Миний хувьд Монголд энэ технологийг худалдаалахгүй учир Индонезийн захиалгыг авах бодолтой ажиллаж байна. Амжилттай болох байх. Надад хэд хэдэн бичлэг нь ирсэн. Ойрын үед Япон явах гээд байж байна. Технологи үнэхээр өндөр хөгжсөн юм байна, маш гайхалтай болж гэдгийг Шанхайгаас Бээжин рүү нисэж явсан энэтхэг хүн ярилаа.

-Юун тухай хөөрөлдөв?

-Тэр энэтхэг “Хятадад би долоон жилийн өмнө ирж байсан. Тэрнээс хойш үнэхээр гайхамшигтай хөгжиж. Эд нар нэг л юмыг мэдэхгүй байна. Хэрвээ тэрийг л мэдчихвэл эд энэ дэлхийгээс тасарчих юм байна” гэж байна. “Та нар чинь пуужин, онгоц хийдэг биз дээ. Энэтхэг электрон технологийн салбарт маш өндөр боловсрол эзэмшсэн улсууд биз дээ” гэсэн чинь монголчууд бидний хэлдгээр “Үхсэн хойноо” гэх маягтай үг хэлээд “Бидний нэг л давуу тал бүгдээрээ англи хэл мэддэг юм. Бусдаараа Хятадын дайны сэтгэж, юм хийж, ажиллаж чадахгүй байна. Тэгэхээр Энэтхэг яаж Хятадтай эгнэх юм бэ. Бид Хятадаас асар хол хоцорсон байна шүү” гэж байна лээ. Би хойд, урд хоёр хөрштэйгөө Монгол Улсаа харьцуулж үзээд яг одоо байгаагаараа явахгүй юм шиг санагдаад байдаг юм. Яагаад гэвэл бид хүний үгэнд орохгүй, эвлэн нэгдэхгүй байна. Ийм тохиолдолд дотооддоо нэг л хэм хэмжээг сахиулах шаардлагатай юм шиг санагддаг. Би цахимдаа энэ талаар ёгтолж “Хэрэгцээгүй зардлаа багасгая. Дүрэмт хувцастай болъё. Нэг стандарт, жижиг юманд амьдаръя. Хэрэггүй мэдээллийн сувгуудаа больё. Ерөөсөө мэдээллийн гуравхан хэрэгсэлтэй болъё” гэсэн л дээ. Бид олон юман дотроос сайныг нь биш дандаа мууг түүж хараад байгаа учраас ийм санаа дэвшүүлсэн юм л даа. Сэтгэхүйгээ өөрчилж байж л юм хийхгүй бол одоогийнх шиг буруу талаа бариад олигтой үр дүнд хүрэхгүй. Манайд төр засгийнхаа хүрээнд ч бодох юм их бий. Үйлдвэрлэгч орон биш мөртлөө шинэ технологи оруулах гэхээр маш өндөр гаалийн татвар нэхнэ. Гадаадынхан үүнийг маш их гайхдаг. Хүн бүхэн ямар нэг ажлыг хийх хүсэл эрмэлзэлтэй байвал түүнийг дэмжих хэрэгтэй болохоос заавал ч үгүй тогтсон стандарт, эрхийн бичиг яриад байвал улс хөгжихгүй. Монгол яагаад хөгжихгүй байна гэхээр хүн нэг юм хийх гэхээр л тэрийг мэргэжлийн хүн хийх хэрэгтэй гэдэг. Тусгай зөвшөөрөл энэ тэр хөөцөлдөж авилга өгч явсаар хүний итгэл үнэмшил унтарчихдаг.

-Та нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө нэлээд зарцуулсан биз?

-Би нэг юмаар их бахархдаг. Хүн өөрийнхөө бүтээсэн зүйлээр бусдад багахан ч гэсэн тус дэм болж байвал сайхан. Тэрнээс өнгөтэй өөдтэй хувцас өмссөнөөрөө, үнэтэй машин унаснаараа авдаггүй сэтгэлийн таашаал бол энэ. Ер нь би энгийн байхыг хүсдэг. Тодорхой хэмжээний ашиг орлого олсон би ч байна уу, хэн байна вэ тэрийгээ нийгэмдээ сайн дурын хуваарилалт хийх л учиртай. Энийг олон хүн мэддэг болохоор би юугаа ярихав. Сүүлийн үед эрдэмтдийг дэмжиж байгаа. ШУТИС-ийн Энэбиш доктороор ахлуулсан хэсэг эрдэмтэдтэй хамтарч ажиллан, гадаадын улс оронд явуулан юм үзүүлж байна. Химийн хүрээлэнгийн доктор Эрдэнэчимэг тэргүүтэй багш, оюутнуудтай хамтарч ажиллаж байна. Маш их юм мэддэг, юм үзэж нүд тайлсан туршлагатай хүмүүстэйгээ төр засаг хамтарч ажиллахгүй байгаад би маш их харамсдаг. Би яагаад мэдээлэл цуглуулаад байна гэхээр мэргэжлийн ийм хүмүүстэй хамтраад байгаа учраас юм. Тэрнээс би бусадтай адил их дээд сургууль төгссөн биш, дөнгөн данган л наймдугаар анги төгссөн хүн. Бараг л долдугаар ангиасаа сургуулиас гарчихсан юм шүү дээ.

-Та эрүүл мэндийн чиглэлд халамж үзүүлэхээс гадна оюун санаа, урлаг соёлын хүмүүст урам хайрлаж бүтээлийг нь хэвлүүлж олны хүртээл болгосон тохиол олон бий дээ?

-Төрийн шагналт түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд” сонсдог номыг анх сонсоод туйлын хэрэгтэй юм байна гэж ивээн тэтгэж хэвлүүлсэн. Төрийг авч явах гол зүйл чинь алдаа, оноотой түүх маань юм. Намайг сурагч байх үед гажуудсан түүх зааж байсан. Тиймээс энэ ном яах аргагүй хэрэгтэй чухал юм гэдэг үүднээс олон түмэнд хүргэсэндээ баяртай байгаа. Би бага залуудаа шүлэг бичиж байлаа. Яруу найрагчид юмыг их үнэн хэлж бичдэг. Чойном гэхэд л нийгэмд ямар том уриа дуудлага, гэрэл гэгээ болж байлаа даа. Ухуулга яриа, сургалт, хичээлээс илүү яруу найраг хүний сэтгэлд их хүрдэг. Тиймээс өөрийн чинь “Шоргоолжны мөр”, “Сэтгэлийн гэрэлт сүмбэрүүд”-ээс эхлээд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Болорцэрэн, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ш.Урьхан нарын цомог номуудыг хэвлэж өгсөн дөө.

-Шүлэг бичдэг байсан гэлээ. Хэд хэдэн дуутай байх аа?

-Би шүлэг бичдэг хүн биш ээ. (инээв) Ганц нэг дуу хийсэн. Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Чулуунчимэг “Холдохын аргагүй нутаг” дууг минь дуулсан. Дуучин Э.Чинбаяр, Гүрбадам, Найдандорж нарын залуус “Эх орон”, “Үргэлж хамт байх сан”, “Алтан нутаг”, “Монгол нутгийн хавар” гэсэн дуунуудыг дууллаа. Аялгууг нь хөгжмийн зохиолч Цэвээнравдан, Цэн.Эрдэнэбат, Пүрэвсүрэн нар зохиосон. Дөрөв, таван дуутай болчихлоо. Яваандаа нэг цомог гаргах санаатай.

-Таны гэргий хаанахын хүн байна?

-Гэргий маань Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн уугуул Жаргал гэж бүсгүй ар тал, ар гэрийг минь авч явна. Хоёр охин, нэг хүүтэй ам бүл тавуулаа. Хүүхдүүд сурах юмаа сурч л байна. Хань маань цаг завгүй энэ амьдралд их түшиг болж байгууллагын маань өдөр тутмын амьдралыг хүртэл зохицуулж явна даа.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнпилийн Гомбосүрэн: “Хаан загас” туужийн бүрэн эхийг орчуулж уншигчдадаа хүргэсэн

Түрүүч нь №130(5973)дугаарт

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнгийн хөөрөлдөөний үргэлжлэлийг хүргэж байна.


-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар уулзаж аав, хүү шиг сайхан тэврэлдлээ. Дэлхий дахинд үндсэндээ хүйтэн дайн өндөрлөж, амар жимэр цаг ирж байх шиг. Харин Монголд маань л улс төрийн хүрээндээ ч, урлаг спорт, ус нутаг, бөхчүүд, бөө нар гээд нийгмийн бүхий л орчиндоо эвдрэлийн синдромтой байгаад байх шиг санагдах юм. Та энэ талаар ямар бодолтой байна?

-Дэлхийн байдлыг бол би чамаас шал эсрэгээр үнэлнэ. Өнөөдөр дэлхий дахиад хуваагдах маягтай болчихоод байгаа. Шинэ маягийн хүйтэн дайн эхлээд их эрчтэй явж байна. Хүйтэн дайныг Орос, Америк хоёр тэргүүлж байгаа. Түрүү нийгмийн үед ч тийм байсан. Яагаад хүйтэн дайны байдалтай болчихоод байна вэ гэхээр хоёр биенээ муулдаг. Сүрхий муулж байгаа. Хуучин онол, үзэл суртлаараа муулалцдаг байлаа. Одоо их үндэстний үзэл суртлаар биенээ муулж байгаа. Хамгийн ноцтой юм юу вэ гэвэл зэвсэглэлээр хөөцөлдөх. Одоо шинэ маягийн зэвсэглэлийн (технологийн түвшнээрээ) тавдугаар эрэмбэ рүү шилжээд орчихсон. Мөн үү?

-Цөмийн зэвсгээс ч аймшигтай зүйл бий болсон гэсэн үг үү?

-Зэвсгийн чинь тээх хэрэгслийг нь л улам нарийсгадаг юм шүү дээ. Пуужин харвана гээд байна шүү дээ. Пуужинг устгадаг системийг хоёр талдаа бий болгочихсон. Тэгсэн тэр гэрээнээсээ АНУ гараад явчихсан. Пуужингаас эсэргүүцэх гэдэг чинь хамгийн гол зүйл байхгүй юу. Сүнхийж очоод нөгөө атомын бөмбөгийг нь өвөртлөөд л жирийх эд шүү дээ. Тийм гэрээнээс америкчууд гарснаар Орос, Америк хоёул баригдахгүй довтлох пуужин хийж байгаа. Өөрөөр хэлбэл зэвсгээр хөөцөлдөх гэдэг ажил шинэ түвшинд гарчихлаа. Гуравдугаарт, нэгэндээ эдийн засгийн хориг гээч юм тавиад эхэлчихсэн. Үүний шалтгаан гэхээр биендээ итгэх итгэл эрс буурсан байгаа. Юу гэж биенээ буруутгаж байна гэхээр “Америк НАТО-той нийлээд Югославыг буталж хаясан. Дараагаар нь Ливи, Ирак, Сири зэрэг Арабын хэдэн орны цусыг холилоо. Афганистан гэж нэг наждын орон байна. Эдгээр улсын амгалан тайвныг алдагдуулж дайны байдалд оруулсан” гэж оросууд үздэг. Оросууд болохоор дайн дажин хийж улсыг задрааж байгаа, газар нутаг булааж авч байгааг чи харж байгаа. Крым гэдэг газрыг авчихсан шүү дээ. Хоёр мужийг нь цаана, наанаас янз бүрээр хатгаад Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс болгоод байгаа. Тэрнээс өмнө Гүржийг Абхаз, Осет, Гүрж гэсэн гурван улс болгоод хаячихсан. Энэ бүхний цаана дэлхийн дайн биш ч гэсэн мэр сэр халуун дайн яваад байгаа юм. Хүйтэн дайны нэг ноцтой шинж нь янз бүрийн цэг дээр халуун дайн болоод байна. Тэгээд худалдааны дайн гээч юм яваад эхэлсэн. Энэ чинь юу болж байна вэ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гүтэрриш ноднин “Хүйтэн дайн ноцтой явж байна” гэж хэлсэн. Хүйтэн дайны талаар Гомбосүрэн хэлээд байгаа ч юм биш. Тэгэхээр дэлхий хуваагдчихсан байгаа биз.

-Тийм л юм даа?

-Дэлхий хэрвээ хуваагдчихаад байгаа юм бол, эсвэл бүр ноцтой даамжирч хуваагдвал энэ жижигхэн Монгол хэний талд байх вэ гэдэг асуудал үүсдэг юм.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс элсэх ёстой, элсэх ёсгүй гээд сүүлийн үед талцдаг боллоо. Аль нь ч зөв юм?

-Би бол “Бид аль ч талд орох ёсгүй ээ” гэдэг байхгүй юу. Тэр юу гэсэн үг вэ гэхээр Оростой муудна, Америктай сайдна гэсэн үг биш. Аль алинтай нь мөрөөрөө байх тухай ярьж байна. Манайхан сая ШХАБ-д орно, орохгүй гэлцлээ. ШХАБ гэдэг нь Орос, Хятад хоёр давамгайлсан бүлэглэл. Манайхан юу гэж толгой түрийгээ цохьж авч байгаа вэ гэхээр “Энэтхэг, Пакистан орчихлоо, бид хоцорчихлоо” гээд байгаа. Бид энэнд ороогүйгээрээ хоцорч байгаа, хохирч байгаа юм ерөөсөө байхгүй. Ер нь Орос, Хятадын өвөр түрийд орж байгаа юм шиг үзэгдэл байхгүй юу. Манайд “Олон тулгуурт гадаад бодлого” гэсэн нэртэй юмны нэг мундаг тулгуур нь “Гурав дахь хөрш” гэж нэг улсыг хэлээгүй, нэг хэсэг улсыг хэлсэн ойлголт бий. Энэ хоёр улстай бид эвтэй найртай харьцана аа, энэнээс халиад биднийг харж үзэж байгаа дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудтай өв тэгш харилцаатай байх ёстой. Ялангуяа шилжилтийн зовлонт үед биднийг харж үзсэн Япон, Америк, Европын холбоо, Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг улс орон болон Америк, Япон давамгайлж байдаг санхүүгийн байгууллагуудтай яаж харьцах вэ гэдэг чухал. Бидний цахилгаан станцуудаа хөлдөөчихөөгүй, эсвэл өлсгөлөн гачланд нэрвэгдээгүй чинь тэд нарын тусалсан, харж үзсэнтэй холбоотой. Тиймээс энэ гурав дахь хөршийн бодлого гэдэг бол хоёр хөршөөсөө холдож зайлах гэсэн биш, хоёр хөрштэйгөө харилцахын хажуугаар хорвоо ертөнцтэй эвтэй найртай байх, тэднээс бага буурай улсын авч болох тусламж дэмжлэгийг авч байх бодлого байдаг юм. Их гүрнүүд биенээ муулаад, зэвсгээр хөөцөлдөөд, янз бүрийн хориг тавилцаад, худалдаа наймааны дайн зарлаад байгаа ийм нөхцөлд бид Орос, Хятад хоёрын давамгайлж буй юм руу орохоор гурав дахь хөршөөсөө хөндийрөөд явчихаж байгаа юм шиг тийм үзэгдэл болох гээд байгаа юм. Тийм учраас ШХАБ-д орохыг би эсэргүүцдэг. Эртэд би нэг том ярилцлага өгөхөд тэрийг тойрч шуугьцгаасан байна лээ. Сая тэгээд манай Ерөнхийлөгчийг элс гэхэд “Парламент мэднэ” гээд ирлээ. Хэрэг дээрээ элсэх зөвшөөрөл өгөөгүй гэж хэлж болно. Манайхан “Улс төрийн хүрээнд, нийгмийн хүрээнд элсэх, эсэх талаар хэлэлцүүлэг явж байгаа” гэсэн. Мөн үү?

-Мөн…

-Манайхан “ШХАБ байгуулагдаад арван хэдэн жил болчихлоо. Мануус хойно хоцорчихлоо. Манаас төө хойно бараа сураггүй байсан Энэтхэг, Пакистан орчихлоо” гээд байгаа юм. Тэр бидэнд ямар хамаатай юм бэ. Юу гэхээр энэ байгууллагад орохоор бидний тов тодорхой эрх ашиг, шууд хэрэгжээд эхлэх олз омог юу байна гэдэг хувилбарыг бодох ёстой. Энэ хоёртой гурван талаараа яриад хэрэгжүүлмээр зүйл маш олон байгаа. Тэрийг хэрэгжүүлэх арга механизм бол ОХУ, БНХАУ, Монгол Улсын гурван Ерөнхийлөгчийн уулзалтыг манайх сэдэж гурав дөрвөн ч удаа хийчихэв үү дээ. Тэнд протокольдсон том том төслүүдийг хэрэгжүүлэх л хэрэгтэй болохоос ШХАБ-д элсэх асуудал ямар ч хамаагүй байхгүй юу. Тийм учраас “Михайльд нэг бодол бий” гэлээ гэх шиг бид цаадуулынхаа бодлого энэ тэрийг сайн бодолцож байх ёстой.

-Аливаа улсын хөрш улс нь “Мөнхийн нөхөр, мөнхийн дайсан байдаг” гэсэн үг байдаг байх аа?

-Дайсан гэдэг үгийг одоо бид хэрэглэхгүй, хэлэхгүй л дээ. “Мөнхийн нөхөр гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг гэж байдаг” гэсэн үг байгаа. Английн нэг товарищ л хэлсэн гэдэг юм. Нөхөр мөнх л дөө. Гэхдээ нөхөр мөнх биш, танай улсын эрх ашиг чинь мөнх шүү гэсэн үг юм. Тэгэхээр бид мөнхийн эрх ашгаа бодолцож, тэрийгээ аль болохоор өргөн хүрээтэй дэвсгэр дээр тавьж байх ёстой. Бид чинь дэлхийн улс юм байгаа биз дээ. Үүх түүх гэхэд юун Америк л гэцгээдэг байх аа. Манайх дэлхийг эзэлж байхад Америк гэж улс байгаагүй. Тэр бөмбөрцгийн цаад руу эзгүй байсан байна. Дэлхийн явдлыг ярихад ийм хэцүү болчихоод байгаа юм. ШХАБ-д бид арваад жил ажиглагчаар оролцсон. Гэтэл дэлхий яг муудалцаж байгаа үед элсэх юм яриад байх юм. Тэрийг огт бодохгүй байна.

-Эгзэгтэй үед л эмзэг сэдвээр оролдоод байгаа юм байна шүү дээ?

-Эд нар буцаад хэл амаа ололцоод улс төрийн уур амьсгал гайгүй болно л доо. Миний яриад байгаа хүйтэн дайн гэдэг юм багасна, бүдгэрнэ. Трамп бол түүхэнд орохын тулд л БНАСАУ-ын удирдагчтай уулзлаа гэхэд болно. Өөрөө ч “Би ер нь Солонгосын хойгийн асуудлын үндсийг шийдчихлээ шүү. Гэхдээ шахсаар байгаад гүйцээнэ” гээд байгаа шүү дээ. Тэр тэгэх байх. Яагаад вэ гэхээр энэ хөөрхөн хүү их ухаантай хүн юм. “Хорвоогоос зожигроод хол явахгүй юм байна, сүрэгтээ нийлэх ёстой юм байна. Цөмийн зэвсэг гээч юмыг бид хийж чадсанаа харуулчихлаа. Тэрийгээ зөөдөг пуужин, 13 мянган км нисэж чаддаг ийм юм хийж чаддагаа харуулчихлаа. Одоо бол устгасан ч болно” гэж л бодож байгаа шүү дээ. Эд нар ч их ухаантай л даа.

-Оросын сонгодог зохиолч Виктор Астафьевын “Хаан загас”-ыг та монгол хэлнээ яруу сайхан орчуулсан. Өнгөрөгч онд дутуу бүлгүүдийг нь гүйцээж орчуулан шинээр хэвлүүллээ гэсэн үү?

-Өмнө орчуулсан И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал” хоймсон роман, В.Астафьевын “Хаан загас” туужаа бүрэн бүтэн болгоно гэж бодож явснаа биелүүллээ. Эдгээр бүтээл ЗХУ-ын үед цензурт өртөж, хорь гучин хувь нь хасагдчихсан байсан юм. “Хаан загас”-ыг бичигч В.Астафьев Красноярск орчмын хүн. В.Астафьев “Хаан загас” туужаараа ЗХУ-ын төрийн шагнал хүртсэн, Зөвлөлтийн алдартай зохиолч хэдий ч манайхан түүнийг Эрхүүгийн Распутины дайтай мэдэхгүй. В.Астафьев жинхэнэ Сибирь нутгийн хэлээр бичдэг учраас мосвагийнханд адлуулдаг, нутгийнхнаасаа талархал сонсдог хүн байсан. Түүний бүтээлийг орчуулахад амаргүй. “Хаан загас”-т л гэхэд үй олон загас, ургамлын нэр бий. Түүнийг оноохоос гадна, хэл найруулгыг нь монгол руу буулгах амаргүй. “Хаан загас”-т холбогдох мэдээ сэлтийг хайсаар, уг зохиолын бүрэн эхээс гадна зохиогчийн өөрийнх нь бичсэн тодорхой тайлбарыг олсон. Тэр олз маань уг ном ямар зовлон туулж, эрэмдэглүүлж байсныг илэрхий гэрчилж байсан учраас хоёр дахь хэвлэлд оршил болгон орууллаа. В.Астафьев гуай 1986 онд манай оронд зочилж, энгүй уудам Сибирь нутгийн хүн атлаа манай элчилгүй их говийг үзээд бас ч гэж гайхалзан, эх дэлхийн маань өөрийнх нь үзээгүй нэгээхэн хэсэг хэмээн баясаж, хөдөөний малчдын аж байдал, байгальтайгаа хүйн холбоотой амьдарч байгааг мэдрэн бахдаж байсан гэдэг юм.

“Хаан загас”-ын бүрэн эх хэдэн онд эх орондоо хэвлэгдсэн байх юм?

-Зохиогчийн нотлон өгүүлснээр “Хаан загас”-ыг хамгийн бүрэн хэлбэрээр нь анх удаа 1993 онд Красноярскийн “Гротеск” хэвлэлийн газар нийтэлснийг орчуулгын хэвлэлийн эх болгон барилаа. В.Астафьев гуай 2001 онд өөд болсон. Түүнийг Орос-Зөвлөлтийн өнгөрсөн зууны сонгодог зохиолч гэдгийг эдүгээ уншигчдын болон мэргэжилтний хүрээнд нэгэнт хүлээн зөвшөөрөх болсон. Үүнийг Зөвлөлтийн хоёр удаагийн төрийн шагнал, Оросын гурван удаагийн төрийн шагнал, утга зохиолын гадаад дотоодын бас бус шагнал, түүнчлэн олон саяар хэвлэгдсэн зохиол бүтээл нь бэлээхэн гэрчилнэ.


Categories
мэдээ цаг-үе

Цэрэнпилийн Гомбосүрэн: Константин Симонов гуайн тухай сайхан ном орчуулж сууна

Зохиолч Константин Симонов, Валентина Серова, хүү Толя нар

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэнтэй уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Оросын зохиолч В.Астафьевийн “Хаан загас”, А.Рыбаковын “Арбатын хүүхдүүд”, “Айдас”, “Үнс чандруу”, И.Ильф, Е.Петров нарын “12 сандал”, “Алтан тугал”, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Солиот”, “Хөвүүн заяа”, “Албингууд” зэрэг хорь гаруй сонгодог зохиолыг хөрвүүлж, Лалын шашны хөлгөн судар “Коран”-ыг анх монголчлон, сонгодог утга зохиолын орчуулгыг шинэ шатанд гаргасан хэмээн үнэлэгддэг билиг төгөлдөр бичгийн хүмүүн юм.


-Та сайхан зусаад байна уу. Ном бүтээл арвин уу?

-Сайхан зусаж байна. Зуслангийн газар байдаг. Наадам өнгөрөөж байгаад орон нутгаар жаахан явах байх. Зуслан дээр зусна гэдэг чинь зүгээр нэг наранд ээгээд байхыг хэлэхгүй. Наранд ээх ч ажил байна. Гэхдээ тэр өдрийг тэнгэртэйгээ холбож сууна шүү дээ.

-Танай зусланд оюун санааны болон ойр дотно найз нөхдийнх чинь байх уу?

-Тийм нөхөд байхгүй. Манайх Баянбулагийн амны эсрэг талд голынхоо баруун талд нэг уулын зүүн хажууд байгаа юм. Тэнд надад оюун санааны байтугай зүгээр найз нөхөд ч байхгүй. Ер нь тосгон шиг шавчихсан газар.

-Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн таван романыг бүрэн орчуулаад гаргачихав уу?

-Достоевскийн агуу таван ном гэдгийг дуусчихлаа. Оросын утга зохиол судлаачид л тэгж нэрлэж байгаа хэрэг шүү дээ. Энэ оны дөрөвдүгээр сард “Албингууд” гэдэг романыг хэвлүүлсэнээр тавууланг нь хийчихсэн болж байгаа юм. Энэ номыг хэвлүүлснээр Достоевский бид хоёр бие биедээ баяртай гэж хэлчихсэн юм шиг болоод байгаа. Одоо Достоевскийгоос юм барьж авахгүй байх. “Давахгүй гэсэн даваагаар хэд давдаг” ч билээ тэрний үлгэр болох уу, үгүй юу.

-Одоо ямар бүтээл орчуулахаар барьж авах гэж байна даа?

-Өнгөрөгч хорьдугаар зууны, манайтай холбоотой Константин Симонов гэж зохиолч байсан.

-Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн алдартай сэтгүүлч, зохиолч доо. “Намайг хүлээгээрэй” дуугаараа их алдаршсан гэдэг дээ?

-Дуу юм уу, шүлэг юм уу тэр нь. Тэрийг нь гэхэд манай гурван ч хүн орчуулсан байдаг. Миний мэдэж байгаагаар Э.Оюун гуай, Мишигийн Цэдэндорж, хожим төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа агсан бас орчуулсан. Константин Симонов энэ шүлгээрээ дэлхий дахинд алдаршсан байх. Манайд бол Халхын голын байлдааны тухай “Зэвсэг нэгт нөхөд” анхны романаараа алдартай. Тэр роман төдийгүй хаалтан дотор “Халхын голын тэмдэглэл” нэртэй “Хаа холын дорнын тэртээд” дурсамж бичсэнийг Халхын голын байлдааны 30 жилийн ойгоор 1969 онд манайд Ц.Шүгэр орчуулсан юм. ЗХУ, БНМАУ хоёрт зэрэг хэвлэсэн байх ёстой. Тэр орчуулга олдохоо байсан эд. Тиймээс Халхын голын байлдааны 75 жилийн ойгоор 2014 онд би шинэчлэн орчуулж, К.Симоновын Г.К.Жуковын тухай бас нэг дурсамжтай нийлүүлэн хэвлүүлсэн. К.Симоновын “Гурамсан роман” гэж Лениний шагнал авсан бүтээл бий. “Үхэгсэд, үлдэгсэд”, “Хал үзэж цэрэг болдог”, “Сүүлчийн зун” гэсэн тэр гурван романыг манайхан өнгөрөгч зууны дал наяад онд орчуулсан. “Сүүлчийн зун”-ыг нь манайхан “Ийм нэгэн зун” гэж буулгасан.

-Зохиолч Константин Симонов гуай манай улсад олон ирсэн хүн байх шүү?

-Монголд нэг бус ирсэн хүн. Халхын голд мань хүн дайны төгсгөлөөр ирж сурвалжлагчаар бараг сар болсон юм билээ. Гал зогсоох тухай яриа хэлэлцээ хийж, хоёр тал хэд хэдэнтээ уулзаж амь үрэгдэгсдийн шарилыг зөөх, олзныхноо солилцох гэх мэтийн асуудал хэлэлцсэн. Тэр үед сэтгүүлч хүнийг хэлэлцээнд оруулахгүй учраас хар ажилтан маягаар ажиллаж “Халхын голын тэмдэглэл”-ээ бичсэн юм билээ. Сүүлд ирэхдээ Халхын гол руу зохиолч Сэнгийн Эрдэнэ гуай эдэнтэй явсан байдаг. Сүхбаатарын одонгоор шагнагдсан Зөвлөлтийн хоёрхон зохиолч байдгийн нэг нь энэ Симонов. Нөгөөх нь Михиал Шолохов.

-Шолохов гуай манайд ирээгүй байх аа?

-Шолохов манайд ирээгүй бөгөөд манайтай барин тавим тов тодорхой харилцаа хамаагүй хүн гэж хэлж болно. Дэлхий дахины алдартай хүн гэдгээр нь шагнасан юм байгаа биз. Симоновын Халхын голоос үүдэлтэй “Манай хотын залуу” гэдэг жүжиг байдаг юм. Манай зохиолч нэг Нямаагийн “Утга зохиол” сонинд бичсэн Симоновынд очсон дурсамж байдаг шиг санана. Эрдэнэ гуайг гэл үү, Чойжилын Чимэд гуайг ч бил үү дагаж очиход манайхныг элгэмсүү дотно угтаж, бийлэгжүү дайлаад гаргасан тухай байсан. Орсон хүн бүхэнд 25 рубль өгсөн гэж байгаа. Мань хүнд бол мөнгөний проблем байгаагүй байх. Симонов чинь 1979 онд нас барсан, олигтой наслаагүй хүн шүү дээ. Энэ бүхнийг ярихын учир юу гэвэл би Симоновын тухай “Константин Симоновын дөрвөн би” гэдэг ном орчуулж байна. Ямар учиртай вэ гэхээр мань хүн “Миний дөрвөн би” гэж жүжиг бичиж байж. Дуусгаж амжаагүй тэр жүжгээс нь сэдэвлэж ийм дурсамж роман бичиж. Амьдралынх нь дөрвөн үеийг “Костя”, “Цэргийн сурвалжлагч”, “Константин Михайлович”, “К.М” гэсэн дөрвөн байдлаар бичсэн. Симоновыг анд нөхөд нь К.М гэж дууддаг болсон байгаа юм. Симонов 1915 онд төрж, 1979 онд бурхан болсон. Тэр хооронд болсон Зөвлөлтийн явдлыг бичиж. Зөвлөлтийн явдал даа Зөвлөлийн оюун санааны амьдралыг тойрсон гэх үү, Сталин, Хрущев, Брежнев гурван даргын нүүр үзэж “Сталины эрх хүүхэд” гэгдэж хүртэл явсан байгаа юм.

-Симоновын талаар их л сонирхолтой өнцгөөс бичиж дээ?

-К.Симонов чинь Сталины шагналыг зургаахан удаа авсан хүн л дээ.

-Зургаахан удаа гэдэг чинь төрийн шагналыг “бараа бөөндөнө” гэдэг шиг хүртсэн нөхөр байна даа?

-Зөвлөлтийн Зохиолчдын эвлэлийн ерөнхий нарийн бичгийн даргыг Фадеевын үед хашиж байсан тийм Симонов манайтай яах аргагүй холбоотой хүн л дээ. Энэ дурсамж романыг Борис Панкин гэдэг хүн бичсэн юм. Борис Панкин бол Зөвлөлтийн хамгийн сүүлчийн Гадаад явдлын яамны сайд.

-Тантай мэргэжил нэгтэй дипломатч хүн үү?

-Шевардназе Гадаад хэргийн сайдаар буцаж томилогдоод хоёр гуравхан сар болсон. Энэ Панкин түүний өмнөхөн Гадаад хэргийн сайдаар ердөө зуун хоног л суусан нөхөр. Яадаг эр вэ гэхээр Улсын онцгой байдлын хороо гэдгийг наймдугаар сард байгуулж М.С.Горбачевыг гэрийн хорионд оруулсан төрийн эргэлтийн үеэр Чехословакт элчин сайд байсан. ЗХУ чинь том гүрэн болохоор гадаад улс орнуудад зуу гаруй элчин сайд байна шүү дээ. Тэгэхэд Панкин л Горбачевыг хорьсныг ганцаараа эсэргүүцсэн. Горбачев тав хоногийн дараа сууриндаа ирээд хуучин Гадаад хэргийн сайд Бессмертныхыг дор нь халаад түүнийг оронд нь тавьчихсан юм. Энэ хүнтэй би намар нь НҮБ-ын чуулганд оролцох гэж очихдоо аравдугаар сард танилцсан. Ах дүү орнууд гэдэг утгаараа их харилцаатай байлаа л даа. Борис Панкин өөрөө ид шидтэй намтартай эр. “Комсомольская правда” сонины эрхлэгчээр арав гаруй жил ажилласан. Энэ сонинг бараг тэрс үзэлтэй сонин болгосон гэж үздэг. Тэгэхээр өнөөхийг чинь яаж ийгээд халах ёстой ш дээ. Тэр үед дэвшүүлж халдаг арга байсан юм.

-Дэвшүүлэн зайлуулж, дэвжүүлэн гайтуулна гэдэг шиг үү?

-ЗХУ-д 1975 онд Зохиогчийн эрхийн агентлагийг байгуулж захирлаар Панкиныг тавьсан. Сайдын зиндааны хүн байхгүй юу. Тэнд ажиллаж байхдаа үнэхээр их юм хийсэн гэдэг. Дараа Шведэд Элчин сайдаар дэвшүүлээд явуулчихсан. Тэнд зургаан жил ажиллаад Чехословакт Элчин сайдаар шилжин томилогдсон үед Горбачевыг хорьж барьсан явдал болоод СССР-ийн Гадаад хэргийн сайд болсон.

-Мань эр дээшээ л явдаг шатаар өгссөн байна шүү дээ?

-Тэр хүний нэг ярьдаг сонин юм нь “Би Монголд бага сургуульд орсон хүн шүү” гэдэг үг. Панкин 1931 оных. Гучин долоон найман онд Улаан-Үдээс Улаанбаатар руу засмал зам тавьж байхад засмал замын инженер аав минь Зөвлөлтийн бригадыг ахалж явсан. Зам барьдаг хүмүүсийн арваад хүүхдүүд гэрт хичээллэдэг байгаа биз дээ. Тэгэхэд нэгдүгээр ангид орсон гэж ярьдаг хүн байгаа юм. Нөхөр бол ном зохиол их бичдэг, шүүмжлэгч талдаа хүн. “Строгая литература” гэдэг ном бичиж ЗХУ-ын төрийн шагнал авсан бэрх эр. Оросын алдартай улстөрийн тоймч Александр Бовин гэж хүн байлаа. Леонид Брежневийн үед зөвлөхүүдийн ахлагч байсан. Хорвоогийн явдлыг чөлөөтэй цуурдаг хүний нэг л дээ. Москвад ажиллаж байхдаа Монголынхоо ЭСЯ-нд урьж авчирч яриа хийлгэж байсан юм. Үнэхээр нэг барласан ярианаас арай өөр юм ярина. Нэг бус ном бичсэн билэг танхай хүн. Тэрний нэг номыг гурав дөрвөн жилийн өмнө Москвад явж байхдаа олж уншсан. “Хорьдугаар зууныг амьдрал гэвэл…” номыг уншиж байсан чинь Панкинтай Израильд таарч байснаа бичээд “Панкин “Константин Симоновын дөрвөн би” гэж ном бичсэн байна. Дажгүй уншигдаж байна. Нэг их роман нь ч юу юм” гэх маягтай юм оруулсан байгаа юм аа. Тэгж би тэр номны тухай мэдээд Панкин гуайгаа сураглаад байсан чинь СССР-ийнхээ Гадаад сайдаас буугаад, Англид Элчин сайдаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч. Шведэд очоод Оросын нэг өдөр тутмын сонины орон тооны бус сурвалжлагч болчихож. Одоо 87-той хүн.

-Тэгээд Панкин гуайтай очиж уулзав уу?

-Ноднин Шведэд байгаа ЭСЯ-ныхнаараа дамжуулан ОХУ-ын ЭСЯ-наас хаягийг нь олж, товчдоо цахим захидлаар харьцсан. “2019 онд Халхын голын ялалтын 80 жил, Симонов бурхан болсны 40 жилийн ой болно. Тиймээс номыг чинь орчуулмаар байна” гэтэл надад цахим хэлбэрээр нь явуулсан. Би “Цахим чинь тусгүй юм. Монгол хүн тэмтрэхгүй л бол мэдрэхгүй юм” гэж тоглоомын үг хаяснаар Москвад байдаг хүү нь манай Элчингийн хүнд өгч явуулсан байна лээ. гэсэн үг байдаг даа. Хуучин эхийг нь бас олж авсан. Ингээд л одоо нухаж сууна даа.

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Хаянхирваагийн Алтанцэцэг: Аавыг газар орны байдлыг сайн судлалгүй дайсныг хэт ойртуулсан гэж буруутгасан

МОНГОЛ УЛСЫН БАРУУН ХИЛ БАЙТАГ БОГДЫН ТУЛГАРАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙД

АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д төл хүлээн авч байгаа нь. Хурга тэвэрсэн нь Г.Хаянхирваа. 1958 он.

Байтаг Богдын тулгаралтад есөн дайчнаа удирдан эрэлхэг тулалдсан Хилийн 24 дүгээр отрядын аравдугаар заставын улс төрийн орлогч, дэслэгч Гомбожавын Хаянхирваагийн охин Алтанцэцэгтэй уулзаж хөөрөлдлөө.


-Таны аав болон бусад хоёр хилчин хэрхэн дайсны этгээдээс амь өрсөн гараа бол?

-Ахлагч Г.Хаянхирваа, байлдагч Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нарт дайсны бүслэлтээс яаралтай гарах тушаал өгөөд өөрөө галын хүчээр дайсныг торгоохоор үлдэж. Гэтэл зургаан дайсан аавын байрлаж байсан толгойг эзлэн түүнийг олзлохоор дайрсан байдаг. Иймээс дайснаас урьтаж толгойн оройд гараад тэдгээр дайсныг гранат шидэн устгасан байна. Дайсны хүч улам олон болж ойртоход Г.Хаянхирваа байлдсаар Гончигзэгвэ, Чойжин нартай нийлэн буудалцсаар байх тэр эгзэгтэй хүнд үед манай талын онгоц алсаас нисэн ирж байгаа нь харагджээ.

-Тэр ямар учиртай онгоц байж вэ?

-Хилчин Пэлжээ ар талд холбоо барьж чадсанаар холбоочин Мягмаржав, Пэрэнлэй нар шифр хүлээн авч Байтагт тулалдаан болж байгааг мэдээлснээр Бодончийн Хөх толгойн VI отрядаас нисэн ирж байгаа манай онгоцыг алсаас харсан дайсан алагдсан, шархадсан хүмүүсээ голын бургасанд нуун байрлуулсан хөсөгтөө ачин зугтсан байдаг. Энэ эгзэгтэй мөчид амьд үлдсэн манай дайчдын сум дуусаж өөрсөд дээрээ гранат тэслэхээс аргагүй болж байсан гэдэг. Байлдааны явцад аав, хоёр дайчинтайгаа дайсны хоёр давхар бүслэлтээс эсэн мэнд гарч чадсаныг цэргийн мэргэжилтнүүд “Г.Хаянхирваагийн цэргийн эрдмийг муугүй эзэмшсэн нь нөлөөлсөн” гэж дүгнэсэн байдаг.

-Тухайн үед дээш нь уламжилсан албан ёсны дүгнэлтэд юу гэж дурдсан байх юм?

-Тулгаралт байлдааны талаар 1948 оны долдугаар сарын 10-нд Дотоод яаманд ирүүлсэн мэдээнд “Хүнд тулгаралт 8-12 цаг хүртэл үргэлжилсний эцэст ахлах дэслэгч Г.Хаянхирваа нэгэнт хүчин үл хүрэлцэх болсон учрыг мэдэн цэрэг Чойжин, Гончигзэгвэ нартай дайсны чөлөөг харж ухран буудалцаж, дайснаас замд нь тосуулан тавьсан дөрвөн хүнийг гранатаар устгаж чөлөө гарган дайсны бүслэлтээс амжилттайгаар мултран гарахад дайсны зургаан этгээд хоёр километр гаруй мөрдөн хөөж буудсан боловч манай гурван хүн хариу буудалцсаар ойртуулаагүй учир дайснууд буцжээ. Дайснаас ухран гарсан Г.Хаянхирваа, Д.Чойжин, Л.Гончигзэгвэ нар нь үнэхээр гарамгай буудалцан чөлөөгөөр гарсан нь мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээс тодорхой батлагдаж байгаа юм” гэж тусгай ангийн дарга, хошууч Ш.Базар дээд удирдлагадаа гаргаж өгсөн илтгэлд тэмдэглэсэн байдаг. Дайсан зугтаж байхдаа амь үрэгдсэн манай хилчин Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж нарын цогцосны ойролцоо мина булаад явсныг байлдааны дараа газар дээр нь очсон мэргэжилтэн Жамбаа аюулгүй болгосон гэдэг.

-Байлдааны дараа бодвол газар дээр комисс очиж дүгнэлт гаргаа байлгүй?

-Хил хязгаарт болж байсан тулгаралт байлдаан бүрийн дараа улсын комисс томилогдон газар дээр нь очиж нарийн шалгаж акт тогтоон шийдвэрлэдэг журамтай байж. Журмын дагуу долоодугаар сарын 9-нд Хилийн цэргийн намын комиссын дарга Сандив, VI отрядын дарга Зонров, штабын дарга Цэвэгмид, тусгай тасгийн дарга Базар, төлөөлөгч Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй комисс газар дээр нь очин нарийн шалган дүгнэлт гаргасан байдаг. Байлдааны явцад амь эрсэдсэн хилчин дайчдын цогцост хийсэн шинжилгээгээр “Тасгийн дарга Б.Гивааны толгойн яс битүү хэмхэрсэн. Наводчик Б.Тэгшээгийн баруун хөл нь өвдгөөрөө тасарч зөвхөн арьсан дээрээ тогтсон. Цээжний зүүн талд гранатын тэсрэлтээр том нүх гарсан. Хилчин Л.Даваадоржийн зүүн гарын дунд хуруунд гранатын кольцоо байсан. Бие нь дундуураа хоёр хэсэг болон хуваагдаж хоорондоо зургаан метр зайтай хол шидэгдсэн. Нас барахын өмнө Эвлэлийн батлахаа чулуун дор нууж байрлуулсан. Хилчин Б.Баянгийн хоолойд нэг сум туссан. Хилчин Э.Архадын цээжинд нэг сум, толгойд нэг сум тус тус туссан. Хилчин Н.Дандархайдав анх байсан газраас цээжинд нэг шарх, байраа өөрчилсний дараа дахин хоёр шарх аваад буудалцаж байх үед нь дайсан амьдаар олзлохоор ойртоход толгойн тус газраа өөрийгөө буудсан байна. Амьд гарсан Г.Хаянхирваа тэргүүтэй гурван хилчний тухайд үнэхээр эр зориг, авхаалж гарган чөлөөгөөр гарсан мөр олон ба дайсныг алж байсан цус зэргээр тодорхой батлагдаж байна” гэж дүгнэжээ.

-Дайсны тал хэд орчим хүнээ алдсан гэж үздэг вэ?

-Энэ байлдаанд дайсан 70 гаруй хүнээ алдсан гэж үздэг. Тулааны дараа хилийн цаана орших Шар хөтөл гэдэг газар дайснууд нас барсан хүмүүсээ гурван хоног оршуулсан. Энэ оршуулганд нэг ачааны, нэг суудлын, 23 морин тэрэг оролцсон гэдэг.

-Пээ, ёстой махан овоо босгоно гэдэг л болж дээ?

-Тухайн үед хилийн цэргийн удирдлагад ажиллаж байсан генерал Ж.Жамьян Байтагийн тулгаралтад оролцсон арван хилчин хатан зоригтой эх орончид байсныг дурсамж номондоо бичиж үлдээсэн. Хилийн цэргийн 55, Байтаг Богдын ялалтын 40 жилийн ойгоор хилчин дайчдад зориулсан хөшөөг босгосон байдаг. Энэ хөшөөг зураач Б.Гантулга, архитекторч Ц.Бат-Эрдэнэ, уран барималч Ү.Болд нарын зураг төслөөр Авдрантын чулууны аж ахуйд хийлгэж Ховд аймгийн Булган сумын Бүдүүн Харгайтад баатруудын өндөрлөгт босгосон. Нутгийнхан энэ газрыг эдүгээ ч “Арван баатрын гозгор” гэж хүндэтгэн нэрийддэг юм.

-Аав тань энх цаг ирэхэд ямар ажил алба эрхэлж байв?

-Дөчин есөн онд Хятадад хувьсгал ялж БНХАУ-ыг байгуулан, тавин онд дипломат харилцаа тогтоосноор хил хязгаар харьцангуй тайван болж цэргийн анги салбарыг цөөлөн, тэнд ажиллаж байсан 36 мянга гаруй хүнийг энх цагийн бүтээн байгуулалтад шилжүүлсэн түүхтэй. Аав тухайн үеийн энэ жишгийн дагуу 1952 онд цэргээс халагдан Улаанбаатар хотноо шилжин ирээд Сангийн яаманд зааварлагчаар ажилласан юм билээ. Манайх тухайн үеийн Усны гудамж буюу одоогийн шинэ циркийн орчимд Сангийн яамны долоон тоот хашаанд, төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтавын хадам Жадамбаа гуайнх, Сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Содном, Молом, Чоймбол нарын олон айлуудтай хаяа хатган аж төрж байлаа. Зуны улиралд манайх Шадивлингийн зусланд зусна. Бид хавар намрын улиралд Туул голд сэлнэ. Аав 1953-1957 онд Намын дээд сургуульд суралцахад ээж Ч.Ажаахүү маань Сангийн яаманд жижүүр, Төв шууданд холбоо зөөгч-шуудан хүргэгч зэрэг ажил хийж амьдралаа залгуулдаг байсан. Аав Намын дээд сургуулиа төгсөөд 1957-1959 онд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-д намын хорооны даргаар ажилласан даа. Аавыг энд ажиллаж байхад Сангийн аж ахуй үр тарианы тариалалтын талбайгаа гурав дахин нэмэгдүүлж, улсдаа шалгаран тэргүүлж, трактор комбайнч Эрхэмбаяр хөдөлмөрийн баатар болж байлаа.

-Танайх тэндээсээ Зүүнхараа руу шилжсэн гэл үү?

-Аав маань намайг ахлах ангид орох үед Зүүнхараа хотын Намын хороо болон Зүүнхараагийн САА-н Намын хорооны даргаар 1960-1963 онд шилжин ажилласан. Энд ажиллаж байхад нь гахайчин Буниа гуай хөдөлмөрийн баатар болж байлаа. Дараа нь 1963-1964 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн САА-н Намын хороонд шилжин ажиллалаа. Атрын-I аяныг эрчимжүүлэхэд хөдөө аж ахуйд боловсон хүчин зайлшгүй шаардагдах болсныг үндэслэн Алтанбулагийн ХАА-н техникумыг байгуулах саналыг аав маань тавьж байж. Аав 1967-1972 онд ХАА-н дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Дараа нь Төв аймгийн Батсүмбэрийн САА-д Намын хороон даргаар 1964-1979 онд ажилласан. Энд хамгийн удаан буюу 14 жил ажиллахдаа САА-н дарга А.Бадарчин, Амаржаргал гэсэн хоёр хүнтэй хамтран нийслэлийг хүнсний ногоо, сүү, цагаан идээгээр хангах зорилго тавин ажиллаж 400 үнээний хоёр, 800 үнээний нэг фермтэй болж, жил бүр таван сая литр сүү үйлдвэрлэн, дөрвөн мянган га-д тариалалт хийж найман мянган тонн төмс-хүнсний ногоо улсад тушааж 15-17 сая төгрөгийн борлуулалт хийж байснаа бахархан ярьдаг сан. “Тунгалаг Тамир” киноны Бадарч тахрын дүрд тоглосон жүжигчин Цэрэннадмид гуайг клубийн эрхлэгчээр аваачиж ажиллуулж хамт олноо манлайлснаар хөдөлмөрийн баатар дөрөв, улсын хошой аварга малчин хоёр, улсын аварга малчин хоёр тус тус төрөн гарсан. Хөдөлмөрийн баатар ногоочин Ц.Хорлоо, Монголд анх удаа гэр бүлээрээ хөдөлмөрийн баатар болсон ногоочин Ж.Пүрэв, Я.Должинжав, Монголын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар, саальчин Авирмэд нар аавыг удирдаж байхад алдар цолонд хүрсэн хүмүүс дээ. Аавыг САА-д олон жил үр бүтээлтэй ажилласан гэж төр засгаас Алтан гадас одонгоор шагнаж, албан хэрэгцээнд нь зориулж автомашин олгож байсан сайхан үе бий. Харамсалтай нь амьдралын хал зовлон аавыг ч бас тойроогүй дайран гарсан даа.

-Амжилттай сайхан аж төрөлд нь ямар хар сүүдэр нүүрлэв?

-Батсүмбэрийн САА нийслэлийн зургаан сургуультай шефийн холбоо тогтоон зуны улиралд багш сурагчдыг ээлжээр амраан ажиллуулах “Хөдөлмөр амралтын зуслан”-г 1970 оноос байгуулан ажиллуулсан нь улсын хэмжээнд анхдагч байж. Гадаад, дотоодын зочид төлөөлөгчид ч туршлага солилцохоор олонтаа ирдэг байлаа. Тухайн үед VI сургуулийн захирлаар агрономийн мэргэжил давхар эзэмшсэн Ренчин гэдэг хүн ажиллаж байв. Багш сурагчдыг сүү, цагаан идээгээр хангахад мал аж ахуй, газар тариалан хоёр зайлшгүй зайтай байх шаардлагаар сүү зөөвөрлөхөд хүндрэлтэй байж. Тиймээс аав сүүний чиглэлийн сайн үүлдэрийн хоёр үнээг хөдөлмөр зусланд байршуулж багш сурагчдын хэрэгцээг хангахаас гадна үнээ саах, үхэр тугал хариулах зэрэг ажилд тэднийг дадлагажуулж байв. Гэтэл 1979 онд өндөр үнэтэй сүүний чиглэлийн үнээг өөр газар байршуулан сүүг нь улсад тушаалгүй олон жил зориулалтын бус аргаар ашиглан шамшигдуулсан гэдэг шалтгаанаар аав, Ренчин захирал нарыг Ардын хянан шалгах хорооноос байцаан шалгаж эцэст нь ажлаас нь халлаа. Ренчин захирал хожим Баянчандманьд суурьшин хувийн аж ахуй эрхлэн “Мон таримал” компанийг байгуулсан. Энэ компани маш амжилттай ажилласан тул Тайландын вангийн хааны шагнал хүртсэн манай урдаа барьдаг том компани болон өргөжиж, хүү Р.Цогтбуянт захирлаар нь ажиллаж байна.

-Хаянхирваа гуайг цаашид ямар хувь заяа хүлээж байв?

-Аав дээр дурдсан шалтгаанаар 1979 онд ажилгүй боллоо. Үүний хажуугаар ээж Ажаахүү маань өвчний улмаас нас барлаа. Генерал Б.Цэдэн-Ишийн бичсэн “Дархан хилийн домогт сургамж” ном Байтаг Богдын тулгаралтын 30 жилийн ойгоор гарч “Манай хилчид дайсныг хэт ойртуулж гал нээсэн. Мөн хилчин дайчдыг хэт өндөрт байрлуулсанаас байлдаанд зургаан хүн амь үрэгдсэн нь ахлагч Г.Хаянхирваа газар орны байдлыг сайн судлаагүйтэй холбоотой” гэж буруутгасан. Энэ бүхэн өндөр настай болсон аавд минь хүнд цохилт болсон доо. Аавыг минь нэг ёсондоо хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран гарсан гэж олон хүн одоо ч дүгнэдэг. Аав маань удаан хугацаанд байцаагдсаны дараа 1980-1981 онд Төв аймгийн Үйлдвэрчний эвлэл, “Залуучууд” САА-н Үйлдвэрчний эвлэлд зааварлагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Гавьяаны амралтад гарсныхаа дараа ч зүгээр суулгүй Арьс ширний эрдэм шинжилгээний төвийн захирал О.Рагчаад санал тавьж боловсон хүчнээр ажилласан. Малын гаралтай түүхий эдийг хэрхэн боловсруулах, түүгээр яаж бүтээгдэхүүн хийх зэрэг техник, технологийн нарийн ажиллагаатай танилцан туршлага хуримтлуулж Хилийн цэргийн харьяанд “Амгалан” хоршоог 1986-1994 онд байгуулан ажиллуулж байлаа. Энэ хоршоо хилчин дайчдад зориулж эмээл, хазаар, ногт, эмээлийн мод, гөлөм, тохош, богц, нэхий дотортой монгол гутал, ажлын дээл хувцас, бээлий оёж нийлүүлэх зэрэг олон ажлыг гүйцэтгэж байсан. Аав минь шинэ мянганы эхний жил 79 насандаа бурхан болсон доо.

-Та ээжийнхээ тухай дурсамжаас хуваалцаач!

-Аав маань Халхын голын Эрс уулын заставт улс төрийн орлогчоор ажиллаж байхдаа ээж Ховд аймгийн Дарви сумын харьяат Чоёнгийн Ажаахүүтэй гэр бүл болсон юм билээ. Ээжийн маань эцэг эх багад нь нас барсан болохоор Улаанбаатар хотод байх лам ах Ч.Гомбосүрэн, Ч.Чанарав нарын гар дээр хүн болж. Ч.Гомбосүрэн ах Гандан хийдийн аж ахуй хариуцсан дэд хамба байсан гэдэг. Гучин долоон оны их хэлмэгдүүлэлтээр лам ах нар нь баригдан хороогдоход ахин өнчирлийн гунигт автсан гэдэг. Төрсөн нутагтаа байх эгч Цэрэнбал, Дарьхүү нар дээрээ очихыг хүссэн ч унааны зардал мөнгөгүйгээс нутгийн айл Ядмаагийнд байж байгаад тэднийхтэй хамт Халхын голд очсон юм билээ. Ингэж л аав ээж хоёр минь биесээ олжээ. Аав удирдаж явсан зургаан хилчин нас барсны улмаас тэднийгээ гашуудан дурсаж дотроо ихэд шаналснаас зарим шөнө зүүдэндээ тушаал өгч орилоод босон харайдаг байсан нь маш хүн цохилт болж байлаа гэж ээж маань ярьдаг сан. Аав, ээж хоёр нэг хүүхэд төрүүлсэн ч дутуу төрсний улмаас нас барсан гэдэг. Ингээд аав маань тухайн үед болсон тулгаралт байлдаан, цэрэг дайчдынхаа алдрыг мөнхлөн бодол санаагаа тайвшруулан тэгшлэх үүднээс нутгийн уугуул иргэнээс нэг охин үр үрчлэн авахаар ээжтэй тохирчээ.

-Та чинь тэгэхээр Хаянхирваа гуайн өргөмөл охин байх нь ээ?

-Ингэж Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул Төмөрийнхөөс Алтанцэцэг намайг үрчилж авсан юм билээ. Төөрч төрсөн аав ээж минь ёстой хүний дээд хүмүүс байсан даа. Миний төрсөн аав Пүрэвийн Төмөр Халхын голын дайнд зургаан жил явсан, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан мэргэж буудагч хүн байлаа. Төрсөн ээж Айку овогтой Цэвээн морин хуур сайн тоглодог, хил дээр цэргийн ангид хувцас оёх, хоол унд хийлцэх зэрэг ажилд сайн дураар тусалдаг байж. Төрсөн аав Төмөр маань цэргээс халагдаж ирээд ан хийж арьсыг нь улсад тушааж, махыг нь ойр орчмын айлуудын амьжиргаанд нэмэрлэдэг хүн байж. Тэргүүний анчдын нэг, хоёрдугаар зөвлөгөөнд оролцож байсан юм билээ. Аав Төмөрийг 1961 онд нас барахад охин Дуламсүрэн долоон, хүү Гомбосүрэн дөрөв, бага хүү Бямбасүрэн эхээс мэндлээд долоохон хонож байсан гэдэг. Дүү Гомбосүрэнг цэргээс халагдаж ирэхэд миний аав Хаянхирваа өөрийн гар дээр байлган Төв аймгийн цагдаагийн хэлтэст дагалдангаар оруулж цагдаа болгож байсан. Бага дүү Бямбасүрэнг маань ч хотод ТМС-д оруулж барилгын мэргэжил эзэмшүүлсэн дээ. Аав ээж хоёр маань 1959 онд Ховд аймгийн харьяат Түмэндалай гуайгаас миний дүү болох Х.Баатархүүг үрчлэн авлаа. Аав ээж хоёр минь аваатай өгөөтэй хорвоогийн дундуур дүүрэнг тэгшитгэх гэж үрчлэн авсан хоёр хүүхдээ ном эрдэм, ажил хөдөлмөрт сургахад бүхий л амьдралаа зориулсан юм. Миний дүү Баатархүү сургуулиа төгсөөд Төв аймгийн “Залуучууд” САА, Цээл суманд жолоочоор ажиллаж байхдаа ядарсан зүдэрсэн болгонд тусалдаг эгэлгүй нинжин өгөөмөр хүн байсан. Дүү маань 2006 онд өөд болсон.

-Та ямар мэргэжил эзэмшсэн хүн билээ?

-Миний хувьд 1953 онд Улаанбаатар хотын 13 дугаар сургуульд элсэн орж, хоёрдугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын долоон жилийн сургууль, Зүүнхараагийн нэгдүгээр арван жилийн сургуульд шилжин суралцаж, Украины Харьков хотын политехникийн сургуулийг 1968 онд Силикат (цахиурлаг эрдэс)-ын инженер технологич мэргэжлээр дүүргэсэн. Монгол орны цахиурлаг элс өөрөөр хэлбэл манайхны өхөөрдөн хэлж заншсанаар өөхөн цагаан чулуу буюу түүнээс тогтсон элс чулууг ашиглахаар байгуулагдсан анхны үйлдвэрүүд нь шил шаазан эдлэлийн үйлдвэрүүд байлаа. Дээд сургуулиа төгсөөд Налайхын шилний үйлдвэрт дадлага хийж, улмаар инженерээр ажилласан даа. ХХҮЯ-нд 1974-1987 онд шил шаазангийн үйлдвэрийн техник технологийн ажиллагааг би хариуцан ажиллуулдаг байлаа. Манайх чинь шил шаазангийн үйлдвэрлэлээ сайн хөгжүүлж байлаа. Харамсалтай нь ерээд оны эхээр өмч хувьчлал нэрийн дор олон үйлдвэр хаалгаа барьсны нэг нь манайх. Гэвч, цаашид Монгол Улсад энэ чиглэлийн үйлдвэр хөгжих сайхан цаг ирэх биз дээ. Би аавынхаа байлдаж байсан Ховд аймгийн Булган сумын нутаг Байтаг Богд уулаас авчирсан хэдэн цагаан чулууг Налайхын шилний үйлдвэрийн зууханд дизелийн түлшээр хайлуулж 1985 онд амаар үлээгч Р.Банзрагчаар шилэн таваг бүтээлгэж музейд бэлэглэсэн дээ.


Categories
мэдээ цаг-үе

Доктор Жанцангийн Бат-Ирээдүй: Дэлхийн олон оронд миний шавь байгаа

Монгол судлалын үндэсний академи-ийн гүйцэтгэх захирал, хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Жанцангийн Бат-Ирээдүйтэй уулзаж хөөрөлдлөө.


-Таны овог, нэр Загийн сургуулийн самбарт алтан үсгээр бичээстэй байдаг сан?

-Би хөдөөний хүүхэд л дээ. Баянхонгорын Загийн голын хүүхэд. Сумын төвд төрж өсч өндийж, сурч боловсорч хүн болсон. Буурал аавын хайртай зээ хүү байлаа. Дотуур байраар дамжиж, аймгийн төвд конкурсдэж, арван наймтай хотын бараа харж байлаа. Манай аав малчин удамтай, өвөө маань Чойбалсангийн үеийн анхны сайн малчны нэг, малчин Лувсан гэж алдартай хүн байв. Аав маань жолооч, ээж минь нягтлан санхүүч, ажиллах хөдөлмөрлөхөөс өөр юм мэдэхгүй, олон хүүхэдтэй айлын том нь. МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшин төгссөнөөс хойш их эрдэмтэн Чой.Лувсанжав багшийн буянаар их сургуульдаа үлдэж, судалгааны сэдэв амлаж, эрдэм номын мөр хөөжээ. Их сургуульдаа нэгэн үзүүрт сэтгэлээр 33 дахь жилдээ багшиллаа.

-Та гадаадын олон оронд ажиллалаа. Ямар их сургуулиудад багшлав?

-Ерээд оны эхээр Английн Лондон, Кембриж, Лийдсийн их сургуулиудад тухайн үеийн Бритиш Канселын тэтгэлгээр зочин багшаар ажилласан. Энэ үед МУИС-д англи хэлний багш, Английн их сургуулиудад монгол хэлний багш солилцох Засгийн газрын соёлын гэрээний дагуу явцгаадаг байсан юм л даа. Уг нь Францт багшлах санаатай франц хэл үзэж бэлтгэж байлаа, бурхны зааснаар Франц руу арын хаалгаар манай нэг настай багш явж, дараагийн хаалга онгойсон нь Лондон байсан юм. Энэ нь ч болсон. Үүний ачаар үр хүүхдүүд минь унаган англи хэлтэй болж, юм үзэж нүд тайлж, ажил амьдралд нь хэрэг болж л байна. Лондонгоос ирээд дэд докторын зэрэг хамгаалж, МУИС-ийн Монгол судлалын сургуулийн захирлаар ажиллаж байгаад 2003-2005 онд ХБНГУ-ын Лайпцигийн их сургуульд багшилсан. Монгол судлалын арвин уламжлалтай хуучин зүүн Германы их сургуульд багшлах бас сонин байсан. Мөн 2005-2006 онд Кембрижийн их сургуулийн судалгааны төслийн хүрээнд Британийн Номын санд зөвлөхөөр ажиллаж тус номын санд байдаг монгол номын онлайн каталоги бүртгэл хийсэн. Үүний дараа 2008-2011 онд Японы Токиогийн Гадаад судлалын их сургуулийн урилгаар зочин профессороор гурван жил ажилласан. Энэ сургуульд Чой.Лувсанжав багш маань ажиллаж байлаа. Ингээд эргэж ирээд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаад 2015 оноос ХБНГУ-ын Боннын их сургуульд зочин профессороор ажиллаад өнгөрсөн онд буцаж ирлээ.

-Боннын их сургуулийн монгол судлалын тухай нэмж ярихгүй юу?

-Боннын Их Сургуулийн Монгол-Төвөд судлалын тэнхимд зочин профессороор ажиллалаа. Бонн бол барууны монгол судлалын нэлээд хуучны уламжлалтай, ном судар эрдэм шинжилгээний хэрэглэгдэхүүний сайн нөөцтэй, барууны монгол судлалын судалгааны нэг чухал төв юм. 2012 оноос хойш монгол судлал дахин сэргэж, орчин үеийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чиглэл хандлагаа ч жаахан өөрчлөн, өнөөдрийг мэдэрч,ирээдүйг харсан судалгаа шинжилгээ хийж байгаа ганц их сургууль юм. Энэ их сургуульд монгол судлалыг сонирхогч олон улсын оюутны тоо жилээс жилд нэмэгдэж, сурах хүсэл эрмэлзлэл улам бүр хөгжин монголын түүх, орчин цагийн монгол хэл, монгол бичиг, Монголын утга зохиол, Монголын соёлыг олон соёлын хүрээнд харьцуулан үзэх хичээлүүд үзэж судалж байна. Монгол руу ирж дадлага практик хийх, аялах, тойрох, сонирхох хүмүүсийн тоо ч нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Боннын их сургуулийн монгол судлалын номын сан бол баруун Европ байтугай дэлхийн монгол судлалд дээгүүр орно. Энэ их сургуульд Монголоос уригдаж ажилласан гурав дахь багш болсон нь хувьтай хэрэг.

-Дэлхийн олон орны их сургуулиудад ажиллахад олон шавьтай болно биз?

-Би 1986 онд төгссөнөөс хойш МУИС-д 33 дахь жилдээ ажиллаж байна. Үүний 13 жил нь гадаад оронд ажилласан байна. Ихэвчлэн гадаад оюутнуудад хичээл заажээ. Сүүлийн жилүүдэд л монгол оюутнууддаа зааж байгаа болохоос миний ихэнхи шавь гадаад орны иргэд байдаг. Германы их сургуульд багшиллаа гэхэд тэнд дан ганц герман биш орос, украин, швед, монгол, бразил, унгар, чех гээд олон орны оюутнууд сурдаг учраас олон улсын чанартай болж байгаа юм. Манай МУИС-д гэхэд жилдээ 20-иод орны 200 шахам оюутан суралцагч ирж байна шүү дээ. Тооны хувьд хэлж мэдэхгүй ээ ямар ч байсан дэлхийн гол гол орнуудад очиход шавь нар угтана шүү.

-Сүүлийн үед ямар судалгааны ажил дээр сууж байна. Номыг явж хийхгүй, сууж хийнэ гэж таны нэг афоризм байдаг даа, одоо ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?

-Би монгол хэлний үгийн сан утга судлалын чиглэлээр судалгаа хийдэг. Мөн гадаад хүнд монгол хэл заах аргын судалгааг сонирхон энэ чиглэлээр олон төрлийн сурах бичиг, гарын авлага, толь бичиг хэвлүүлсэн. Одоо нийт эрдэм шинжилгээний ном бүтээл 60 шахаад байна. Би 1998 онд ШУА-д “Монгол хэлний ойролцоо утгат үг хэллэгийн бүтэц, утга, үүрэг” сэдвээр дэд эрдэмтний, 2004 онд ОХУ-ын Дэлхийн мэдээлэл дамжуулах их сургуульд “Монгол хэлний ойролцоо утгын тогтолцоо” сэдвээр хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. ШУА-ийн ерөнхийлөгч асан Б.Чадраа гуай амьд сэрүүн байхдаа энэ их сургуулийн салбарыг ШУА-ийн дэргэд байгуулж олон арван хүн ОХУ-д шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан байдаг юм. Ингээд ганц ойролцоо утгын талаар бус монгол хэлний үгийн сангийн үндсэн нэгжүүдийн судалгааг үргэлжлүүлэн хийж, монгол хэлний үгийн сангийн их сургуулийн академик сурах бичиг хийхээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Токиогийн Гадаад судлалын их сургуулийн захиалгаар “Монгол ярианы сурах бичиг”, Боннын их сургууль болон Өмнөд Солонгосын Хангүг Гадаад судлалын их сургуулийн захиалгаар “Монгол хэлний унших бичвэр”, “Монгол утга зохиолын сурах бичиг” зохион хэвлүүлээд байна. Мөн Монголынхоо багш нартай хамтарч “Илтгэх урлагийн онол арга зүй”, “Монгол хэл бичиг найруулга зүй” зэрэг их сургуулийн сурах бичиг гаргасан. Австралийн Үндэсний их сургуульд онлайн монгол хэлний хөтөлбөр боловсруулах төслийг багш нарын хамт хийгээд хүлээлгэж өгч байна. Итали хэлтэнд зориулсан монгол хэлний сурах бичиг хийж байгаа. Цаашид БНСУ, Япон, Итали, Унгар зэрэг орны монгол судлаач, эрдэмтэдтэй хамтарч судалгааны төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаа зүйлүүд бий. Цаг хугацаа явах тусам, хийх ажил улам л их болох юм даа.

-Та чинь Монгол хэл, бичгийн багш нарын үндэсний холбоог санаачлан байгуулсан байх аа. Энэ их ажлын хажуугаар төрийн бус байгууллага ажиллуулах цаг гарч байна уу?

-Мэргэжилдээ хайртай, дуртай юм. Монгол хэлийг, монгол хэлний багш нарыг хамгаалах хэрэгтэй байна. Тэднийг тоодог хүн байдаггүй юм. Мэргэжлийг нь тоохгүй, багш нарыг нь ч тоохгүй. Гэхдээ “Монгол хэлний тухай хууль” гарснаас хойш нийгмийн сэтгэлгээ арай дээрдэж байна. Гэвч ярих хийх юм зөндөө байна. Багш нар нэгдэхгүйгээр ажил явахгүй, урагшлахгүй. Эл холбоог 2008 онд байгуулсан. Цаг гаргаж чадвал хийх ажил маш их бий. Гадаад орнуудад олон жилээр явсан тул олигтой үйл ажиллагаа явуулж амжаагүй. Энэ жилээс харин үйл ажиллагааг идэвхижүүлэн сэргээж, ТУЗ-ыг хуралдуулж бодлого үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн, бүтцийн өөрчлөлт хийж, багш нарын дунд идэвхитэй үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ онд монгол хэлний багш нарын үндэсний форум хийх санаатай байна. Үүгээр монгол хэл бичгийн болон уран зохиолын хичээлийн цаг, хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн бүтэц, зохиогчдын асуудал хөндөх ярих төр засаг БСШУЯ-нд санал оруулах санаатай байна. Хэлний бодлогын үндэсний зөвлөл үүнийг дэмжих байх гэж найдаж байгаагаа далимд хэлээдхье. Мөн монгол хэлний багш нарт зориулсан “Монгол хэл, соёл” сэтгүүл эрхлэн гаргаж байгаа.

-Мөн Монгол судлалын үндэсний академи гэж байгуулсан сураг байсан?

-Аливаа улсын ажлыг ганц төрийн байгууллага дангаараа нуруундаа үүрэх ёсгүй, тэр тусмаа нарийн мэргэжлийн тэгээд нийгмийн гишүүдийн хамарсан ажлыг ТББ үүрэлцэх ёстой гэдэг үүднээс Монгол судлалын чиглэлээр явуулах их ажлаас үүрэлцэх санаатай ийм ТББ байгууллага санаачлан байгуулж ажиллуулж байна. ШУА-ийн хөл доор “Анагаах ухааны академи”,”Хөдөө аж ахуйн академи” зэрэг яг манайхтай адилхан статустай академууд байгаа. Монголоор овоглосон Үндэсний академиа дэмжих туслах байх гэж найдаж байгаа. Энэ байгууллага дотоод, гадаадын монгол судлаачдын хүчийг нэгтгэх, судалгааны төсөл гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хурал, симпозиум, форум зохион байгуулах, мэргэжлийн сэтгүүл хэвлүүлэх гол зорилготой. Эхнээсээ эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж “Монгол судлалын нэвтэрхий толь бичиг” хийхээр эхлэж байна. Энэ толь бичиг нь “Хэл бичиг”, “Утга зохиол”, “Өв соёл” гэсэн гурван ботьтой байна. Дотоод гадаадын монголч эрдэмтдийн хүчээр бүтэх болно. Үүнийг зохион байгуулах нүсэр ажил биднийг хүлээж байна. Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалыг дэмжих сан энэ ажлыг бас дэмжих байх.

-Та чинь зураг авах, зураг зурах, хөгжим тоглох, аялах гээд олон хоббитой. Таны бас нэг сонин хобби чинь график дизайн, цаашлаад ном хэвлэл буюу publish­ing юм байна гэж би харсан андуураагүй бол?

-Үнэн, үнэн. Би угаасаа бага байхын жаахан зурах авьяастай хүүхэд байсан юм. Монгол Улс, монгол хэлний буянаар гайгүй ч олон газар тэнэлээ, цаг нар гарвал өөрийн гэрэл зургийн үзэсгэлэн гаргах санаа байгаа. Бас нөхөрсөг шог сонирхож зурдаг. Ингээд яг энэ номынхоо дизайн хийх ажилтай уялдаад ном хэвлэлийн бизнес нэлээд сонирхож үүнийг Монголд хөгжүүлж болох тухай их бодсон. Учир нь би ерээд онд Лондонд байхаас монгол номыг дэлхийн зах зээлд гаргах тухай өдрийн бодол, шөнийн зүүд болж олон хэвлэлийн газар захидал бичсний ачаар өөрийн номыг Рүтлэж гэж английн хэвлэлийн компаниар хэвлүүлэн Монголоос анх дэлхийн зах зээл буюу Амазонд гаргаж чадсан юм. АНУ, Австрали, Англи зэрэг орны хэд хэдэн хэвлэлийн газраар номуудаа хэвлүүлсэн. Энэ туршлага дээрээ дөрөөлөн 2012 онд дэлхийн их сургуулиудын пресс амжилттай хөгжсөн жишгээр МУИС-д Хэвлэлийн газар (хэвлэх үйлдвэр юмуу, цех биш шүү, манайхан хэвлэл гэхээр машин боддог) байгуулах санаачилга гарган дэмжигдэж 2015 оны есдүгээр сар хүртэл захирлаар нь ажилласан. Олон ажил санаачлан хийсэн. Гэхдээ манайхны нөгөө нэгийнхээ хийсэн юмыг үгүйсгэдэг, үл тоодог, үл үргэлжлүүлдэг нэг муухай зангаар бас санасан сэдсэн юм зогссон, будилсан, яахаа мэдэхээ байчихсан зүйл харагдаж л байгаа, үүнийг шүүмжлээд хэлээд ад болж байна. Монголд хэвлэлийн бизнесийг жинхэнэ утгаар нь хийж байгаа газар бол хуруу дарам цөөхөн байна аа. Уг нь олигтой ажиллаж чадвал их сургуулийн хэвлэл хөгжих боломж илүү их, нэр хүнд өндөр байдаг л даа.

-Нээрээ их сургуулийн захиргааны үйл ажиллагааг шүүмжилсэн МУИС-ийн багш нарын түр хорооны нэг гишүүн нь та байх аа, тэр тэмцэл-ийнхээ талаар жаахан ярих уу?

-Бидний таван багш өнөөгийн МУИС-ийн засаг захиргааны явуулж байгаа үйл ажиллагааг эсэргүүцэн “тэмцэж” байгаа. Улс төр улс орны бүхий л хэсэгт нөлөөтэй байгаагийн нэг нь их дээд сургуулийн захирал болон бусад удирдах албан тушаал улс төрчдийн бялууны нэгээхэн хэсэг болдог нь нууц биш. Өмнө нь ч их сургуульд улс төрөөс томилгоотой хүмүүс ирж л байсан. Би их сургуулийн удирдах албанд томилогдож, бас тэдэнтэй хамтарч ажиллаж л байлаа. Харин энэ удаагийн хүмүүс шиг улайрсан улс төрчид ирж байсан нь ховор. Их сургууль улс төрөөс, улс төрчдөөс хараат бус байх ёстой гэдэг бидний тэмцлийн гол шугам юм. Түүнээс биш хэн байх нь хамаагүй юм. Гэвч эд суудалдаа жаахан суухын тулд юу ч гэж хүмүүсийг өө сэв хайн гүтгэх, гүжирдэх, нэр төрөөр нь тоглохоос сийхгүй улайрсан улаан намын гишүүд байна. Ер нь их сургуульд нэг ч цагийн хичээл заагаагүй, сар ажиллаагүй, дээд боловсрол гэдгийн зах зухыг ч мэдэхгүй хүмүүсийн намын сонгуулийн бялууны шагналд зориулан нэг байгууллагын ажлыг “алахаар, нураахаар” гүйцэтгэх ч бай захирлаар явуулж байгаа нь тэвчишгүй зүйл юм. Дээрээс нь манай сэхээтнүүд багш нар амин хувийнхаа амбицад баригдчихаад дэндүү хүлцэнгүй дорой байна. Үүнийг эд ашиглаж байна. Сүүлийн хэдэн сард болж байгаа зүйлийг ажиглахад Монголд ер нь үнэн мөнөөрөө, хууль ёсоороо болж бүтэх зүйл тун ховор байна, нийгмээрээ ялзарч доройтсон, хар амиа бодсон, алив ажил хэрэг танил талаараа, нам эвслээрээ явдаг, авлига хээл хахуулиараа нэгдэж нийлсэн хэтэрхий амин хувийн эрх ашиг, өнөө маргаашийн сандал суудлаа хамгаалсан бүлэг хүмүүсийн мафи хэлбэрт шилжсэн нийгэм болжээ. Миний хувьд өнөөдрийн их сургууль үүнээс илүү сайн, багш судлаач нар дэлхийн хэмжээнд ажиллах боломж хэд дахин илүү, оюутныг сургах, хөгжүүлэх арга зам арвин, мөнгө санхүү эдийн засгийн хувьд бяртай байх нөхцөл ганц сургалтын төлбөрийг хараад суухааргүй өргөн байгаа гэж боддог. МУИС-ийг дэлхийн жишигт хүргэх гэж байгаа бол ийм аргаар хол явахгүй ээ. Уран яруу уриа лоозон барьснаар урагшаа явдаг их сургууль, дээд боловсрол гэж хаа ч байхгүй.

М.МӨНХСАЙХАН