Categories
редакцийн-нийтлэл

Ж.Амарсанаа: Нийт хүн амын 15 хувь нь С вирустэй гэсэн судалгаа бий

-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН
ЭСРЭГ ЭМИЙГ ХЯМД ҮНЭЭР АВАХААР БОЛЖЭЭ-

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа АНУд олон улсын хуралд оролцох үеэрээ элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг Монголдоо хямд үнээр худалдан авч хэрэглэх тухай ярилцаж тохиролцжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

  Элэгний С виру­сийн эсрэг эмийг монголчууд хямд үнээр хэрэглэх болж байгаа тухай дуул­лаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч?

-АНУ-ын “Glead science” компани
“Sofosbuvir” хэмээх элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн арван­хоёрдугаар сараас
эмчилгээнд нэвтрүүлсэн. Би Сан-Франциско хотод очиж энэ компанийнхантай уулзахдаа
Монголд элэгний С вирусийн тархалт өндөр байд­гийг хэлээд, энэ эмийг хөнгөлөлттэй
үнээр манай улсад нийлүүлэхийг хүс­сэн юм. Эмийн компа­нийнхантай уулзах цаг авахад
АНУ дахь Монголын Элчин сай­дын яамны консулын газраас их тусалсныг хэлэх хэрэгтэй.
Нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хий­дэг юм байна. Харин манай
улсад зургаан сарын курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээ­лийн
үнээс 44 дахин хямдаар нийлүү­лэхээр боллоо.

Эмийн томоохон үйлдвэрүүд шинэ бүтээг­дэхүүнээ
хямд­руулдаггүй. Буурай хөгжилтэй орнуудад эмийн хадгалалт, хэрэглэх горимыг алдах
эрсдэлтэй тул тэр бүр нийлүүлдэггүй. Гэтэл манай улсад уян хатан хандсанд баярлаж
байгаа.

Тэгвэл  эмийг Монголд хэзээнээс нийлүүлэх бол?

-Компанийн төлөөл­лүүд тавдугаар сарын сүүлээр
юм уу зургадугаар сарын эхээр Монголд ирнэ. Тэр үед ямар боломж байна гэдгийг нухацтай
ярилцана. Монголд шинэ эмийг бүртгэх дүрэм журам гэж бий. Монгол Улс энэ асуудалд
илүү  ач холбогдол өгч, ард түмнийхээ эрх
ашгийг бодоод хурдан хугацаанд эмийг бүртгэх ямар боломж байна гэдгийг ярина. Ердийн
бүртгэлийг хүлээвэл дор хаяж нэгээс дөрвөн жил хүлээх болно. Нэг жилийн өмнө ч гэсэн
эмийг хэрэглэж, олон хүний амь насыг аврах нь чухал гэж бодож байна. Яагаад гэвэл,
энэ компани  дэлхийн цөөхөн хэдэн оронд хямд
үнээр  нийлүүлэхээр төлөвлөсөн байсан. Үүний
нэг нь Монгол байгаасай гэж хүсч байна.

Элэгний С вирусийн эсрэг эм оруулж ирэхээр бол­лоо гэсэн мэдээл­лийг сонссон зарим иргэд болгоомжтой хандаж байнаШинэ эм учраас туршилт болчих вий гэсэн яриа гараад байгаа юм билээ?

-Би өөрөө элэг суд­лаач, элэгний эмч хүн. Тийм
учраас хаана, ямар  сайн эм гарч байгааг сонирхож,
судалж байдаг. Хам­гийн сүүлийн үеийн судалгаагаар нэг компанийн бүтээг­дэхүүн маш
сайн үр дүниэй байгаа нь “Glead science” компани “Sofosbuvir”. Эмийн судалгааг дөр­вөөс
таван жилийн өмнө хийж эхэлсэн. Эхлээд суурь судал­гаа хийгдээд дараа нь клиникийн
судалгаа хийж, гурван үе шатаа даваад гарч ирсэн эм. 2013  оны арванхоёрдугаар сард АНУ-д бүртгэгд­сэн. АНУ-ын
эм бүртгэлийн агентлагт бүртгэгдэнэ гэдэг бол маш олон үе шатын судалгааг давж гарч
ирдэг учраас энэхүү  бүтээгдэхүүн  чанартай, найдвартай гэдэгт эргэлзэхгүй байна.
Миний хувьд олон улсын хурлуудад сууж байхдаа энэ эмийн талаар олон удаа сонсож,  үр дүнг нь мэдэж байсан учраас нэг өдрийн өмнө
ч гэсэн Монголд оруулж ирье гэж бодсон. АНУ руу явах шалтгаан маань эмийн компанитай
уул­зах байгаагүй. Жилд олон дахин томи­лол­тоор явж чадах­гүй учраас нэг явсан
дээрээ нэг ажлыг ч гэсэн бүтээе гэж бодоод тэр компанийн байран дээр нь очоод  энэ эмийг Монголд бүрт­гүү­лэх хүсэлтэй бай­гаа­гаа
ярьсан. Энэ эмийг АНУ-д одоо хэрэг­лэгдэж байгаа. Тийм учраас хэтэрхий их болгоомжлох
шаард­лагагүй.

Эмийн үйлчил­гээний талаар мэдээ­лэл өгөхгүй юу. Одоо манайд хэрэг­лэж байгаа эмчил­гээнээс юугаа­раа давуу талтай юм бол?

-“Sofosbuvir” элэгний С вирусийн 70-80 хувийг
устгах чадвартай. Харин манайд одоо хэрэг­лэж байгаа интерферион 60-70 хувийн эмчилгээний
үр дүнтэй ч гаж нөлөө ихтэй. Халуурна, бөөл­жинө, дотор муухай оргино, үс унана.
Тийм учраас өвчтөнүүд маань эмчилгээ хийж байгаад дундаас нь хаядаг. Бас нэлээд
үнэтэй. Монголд жилийн курс эмчилгээ нь 12-15 мянган ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл,
С вирус­тэй өвчнүүд бүгдээрээ эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь хоёр гол шалтгаантай.
Эмийн гаж нөлөө  нь хүчтэй, бас үнэтэй. Харин
“Sofosbuvir” гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана.
Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа.

Монгол Улсад элэгний вирусийн эмчилгээ ямар түвшинд байна вэ?

-Бид энэ тал дээр дэлхийн хөгжлөөс хоёроос
гурван жилээр хоцорч яваа. Өөрөөр хэлбэл, нэг хоёр жилийн өмнөөс шинэ эмнүүд гарч
ирсэн. Энэ хоцрогд­лоо нөхөхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Энэ эмийг хямд оруулж
байж одоо манай өвчнүүдэд тул­га­раад байгаа асууд­лыг шийднэ. Өөр элэгний С вирусийн
эсрэг шинэ эмчилгээнүүдийг сонирхож үзсэн. Өнгөрсөн  жил хоёр шинэ эм нэвтэрсэн. Тэр хоёр эмийн үр
дүн нь одоогийн бидний оруулж ирэх гэж байгаа эмнээс нэлээд бага, гаж нөлөө нь өндөр
байсан учраас  Монголд оруулж ирэ­хийн төлөө
хөөцөл­дөөгүй юм.

Манай хүн амын хэдэн хувь нь С вирусээр халд­варлан өвчилдөг юм бол?

-Хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судал­гаагаар
нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн
тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халд­вар өндөртэй оронд тооцогддог. Элэгний С
вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халд­даг. Эхээс урагт халдварлах магадлал
долоон хувьтай байдаг. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар
үүсдэг. Яг халдвар авсан даруйдаа хүнийг цочмог үрэвсэл өгч, үүнээсээ болоод хурдан
хугацаанд нас барах тохиолдол байхгүй. Монголд элэгний өвчнөөр олон хүн нас бардаг.

Элэгний С вирусийн халд­вараас яаж урьд­чилан сэргийлэх вэ. Салбарын яам­наас урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа ажил байна уу?

-Урьдчилан сэр­гийлэх нь хамгийн чухал. С вирусийн
халдвар дамжих гол замууд цус. Эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны газруудын явуулж
байгаа үйл ажиллагаанаас шалт­гаалж хүмүүст халдвар дамжиж бай­на. Ялангуяа гоо
сайхны газрууд батга хатгаж, шахдаг хэрэгслүүдээр дам­жих, мөн ардын зүүн эмчилгээ,
шүд­ний эмнэл­гүү­дийн эмчилгээний хэрэгслүүдийг дутуу ариутгаж, өөр бусад хүмүүст
эмчилгээ хийс­нээс халдвар дам­жиж байна. Үсчинд ч гэсэн үс зах­лах хэрэгслийг ариут­гадаггүй
нь халд­в­ар дамжих бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх
нь зүйтэй юм.

Тэгвэл шүдний эмнэлэг, гоо сайхны газруудад эрүүл мэндийн яамнаас хяналт тавьж, заавар, зөвлөгөө өгдөг үү?

-Бидний хувьд зөрчил илэрсэн газ­руу­дын үйл
ажил­лагааг нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ажлыг хийж байна.
Өнгөрсөн жил шүдний эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Нийтдээ 16  газар зөр­чил илэрснээс наймыг нь хаасан. Үлдсэн
газруудынх нь тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, зохих арга хэмжээг авсан.

Х.ЦЭНДАЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Эдийн засгийн өсөлтөд хөдөө аж ахуйн салбар голлох нөлөө үзүүлжээ

Манай
улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал ямар байгаа талаар өчигдөр Үндэсний статистикийн
хорооноос мэдээлэл хийсэн юм.  Манай улсын
хувьд эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 11.3 хувьтай гарсан
учраас манай улсын эдийн засаг хямарсан гэж харагдахгүй байна хэмээн тайлбарлалаа.
Улсын эдийн засгийн өсөлт 11.3 хувийн өсөлттэй гарахад хөдөө аж ахуйн салбарын өсөлт
гол нөлөө үзүүлжээ. Хөдөө аж ахуйн салбар энэ өсөлтийн 4.1 хувийг нь хангаж байгаа
юм байна. Энэ жилийн хувьд урьдчилсан тооцоогоор манай улс 46 сая толгой мал тоолуулах
тооцоо гарсан байгаа. Энэ нь өнгөрсөн оны түвшингээс таван сая толгой малаар илүү
байгаа аж. Бойжуулж байгаа төлийн тоо нэг саяар илүү байгаа бө­гөөд малын хорогдол
өнгөрсөн оны түвшингээс илүү гараагүй байна. Тэгэхээр мал аж ахуйн салбараас эдийн
засгийн өндөр өсөлт байна гэж тооцоолж байгаа аж. Га­зар тариалангийн сал­барт,
урьдчилсан тоо­цоогоор 430 орчим мянган тонн үр тариа авахаар байгаа юм. Энэ мэтээр
хөдөө аж ахуйн салбар манай улсын эдийн засагт эерэг нөлөө  үзүүлж байгаа үндсэн салбар болжээ. Мөн аж үйлдвэрийн
салбарт хэ­дийгээр хүндрэлтэй зүйл байгаа ч эдийн засагт сайнаар нөлөөлж байгаа
гэв. Манай уул уурхайн сал­барын хөрөнгө оруу­­лалтын хэмжээ буур­сан ч уул уурхайн
голлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл өссөн байна. Тухайлбал, алт, зэс,  цайрын баяжмал, газрын тосны олборлолт гэх мэт
манай экспортын гол орлого олдог бүтээг­дэ­хүүний экспорт өс­сөн байна. Энэ нь аж
үйлдвэрийн салбар хө­дөө аж ахуйг гүйцэхгүй ч гэсэн эерэг нөлөө  үзүүлж байгааг  тооцож гаргажээ.

Эдийн
засгийн өсөлтөд нө­лөөлсөн дараагийн сал­бар нь барилгын сал­бар аж. Он гарсаар
зам барилгын олон хөтөл­бөрүүд хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор барилга угсралтын
чиглэлээр энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад
2.5 дахин нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн өсөлтөд 10 гаруй хувийн өсөлтийг хан­гах
боломжийг бүр­дүүл­сэн аж. Мөн худал­дааны салбар оны  нэг­дүгээр улиралд нэлээд хүнд байсан бол одоо
га­даад худалдаа нэмэгдэх ханд­лага харагдаж байгаа аж. Дээрх салбаруудын эдийн
засгийн өсөлт нь ма­най улсын нийт эдийн засгийн өсөлтийг 11.3 хувьд хүргэсэн гэж
тайлбарлалаа.

Ийм
өсөлтүүд байгаа ч хүндрэлтэй зүйл бий. Гадаад худалдааны тэнцэл нэлээд хэмжээний
алдагдал хүлээж байна. Бас төгрөгийн ам.доллар, евро, юаньтай харьцаж байгаа ханш
сүүлийн гурван сард 6-8 хувиар унасан нь инфляцид нө­лөөлж байгаа аж. Манай улсын
хувьд импортын барааны нийлүүлэлтээс хамаараад төгрөгийн хан­шийн уналт шууд нөлөө
үзүүлдэг байна. Улаанбаатар хотын хэ­рэг­лээ­ний 320 нэр төрлийн бү­тээг­дэхүүн
байдгаас үүнээс импортын бараа бүтээг­дэ­хүүн талаас илүү ху­вийг эзэлдэг
байна. Төг­рөгийн огцом уналтаас болж Улаанбаатар хотод олон төрлийн бараа бүтээг­дэхүүний
үнэ өсчээ. Тухайлбал, боловсролын үйлчилгээ буюу сургалтын төлбөр 28 хувиар, орон
сууцны үнэ 15 хувиар, нэг киловатт цахилгааны үнэ 4-22 хувиар, цайны газрын хоолны
үнэ дөрөв орчим хувийн өсөлттэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Улаан­баатар хотын сарын
инфляцийн түвшин 2.6 хувийн өсөлттэй гарсан байна. 

Харин
улсын инфляци 1.7 хувийн өсөлттэй байгаа юм.  

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ

Одоогоор
8.4 триллион төг­­рөгийн мөнгөний ний­лүү­лэлттэй байгаа аж. Харин зээлийн үлдэгдэл
хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.8 триллион төгрөгт хүрсэн байна. Зээлийн
үлдэгдэл бараг 50 орчим хувиар нэмэгдсэн гэсэн үг.  Дээр нь чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн  хэмжээ дагаж нэмэгджээ.

ВАЛЮТЫН ХАНШ

Сүүлийн
гурван сарын хувьд валютын ханш нэлээд өндөр хурдтайгаар нэмэгдсэн. Ялангуяа есдүгээр
сарын байдлаар сарын өмнөхтэй харь­цуулж үзэхэд төгрөгийн ам.доллар, евро, юань­тай
зэрэг бүх гадаад валюттай харьцаж байгаа ханш 6-8 хувийн уналттай байна. Нэг жилийн
өм­нөх­тэй харьцуулахад 15-25 хувийн уналт гар­­чээ. Огцом уналт гар­сан нь валютын
ний­лүүлэлттэй холбоотой хэмээн тайлбарлалаа. 
Өнөөдрийн байдлаар манай улсын валютын нөөц хоёр тэрбум  ам.дол­лар байгаа юм. Нэг жилийн өмнөхтэй харьцуулахад
энэ нь 500-аад сая ам.доллараар буурсан үзүүлэлт байна.

Оны
эхний байдлаар авч үзэхэд валютын нийт нөөц импортын барааны 27 хоногийн нөөцийг
хангаж чадахаар үзүүлэлт байсан бол одоо энэ үзүүлэлт 16 хоног болж буурсан байна.
Валют нийлүүлэгдэж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэж чадахгүй байна гэсэн тайлбарыг
өглөө.

НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Улсын
хэмжээнд 2013 оны эхний найман сард 52735 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо
53009 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн тоо 3518 буюу 7.1 хувь, хүүхдийн
тоо 3570 буюу 7.2  хувиар  нэмэгдсэн байна.       

Бүртгэлтэй
ажилгүй иргэдийн тоо 2013 оны наймдугаар сарын эцэст 37.2 мянга болж, өмнөх оны
мөн үеийнхээс зур­гаан мянган хүн буюу 13 хувиар буурчээ.

Нийгмийн
халамжийн тэтгэвэрт 2013 оны эхний наймдугаар сард  61 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс
1.9 мянган хүн буюу 3.1 хувь, олгосон тэтгэврийн хэмжээ 12.7 тэрбум төгрөг буюу
33.5 хувиар нэмэгджээ

ГЭМТ ХЭРГИЙН ГАРАЛТ ӨСЧЭЭ

Улсын
хэмжээнд 2013 оны эхний наймдугаар сарын байдлаар  16828 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн
үеийнхээс 2313 хэрэг буюу 15.9 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн
тоо нэмэгдэхэд  өмчлөх эрхийн эсрэг  гэмт хэрэг, 
хүний амь бие эрүүл мэндийн эсрэг зэрэг гэмт хэрэг гарсан нь нөлөөлжээ.

Бүртгэгдсэн
гэмт хэргийн улмаас 6025 хүн гэмтэж, 698 хүн нас барсан байна.

ДУНДАЖ ЦАЛИН 900 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА

Аж
ахуйн нэгж бай­гуул­лагын дундаж цалинг судалжээ. Эрэгтэй ажилчдын дундаж цалин
900,000 төгрөг, эмэгтэй ажилчны сарын дундаж цалин 695000 төгрөг байна. Ажилчдын
сарын дундаж цалинг салбараар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт  ажиллаж байгаа иргэдийн цалин хамгийн өндөр буюу
нэг сая 486 мянган төгрөг, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарын цалин хамгийн
бага буюу 308 мянган төгрөг байна гэв. Өрхийн нийгэм эдийн засгийн хоёрдугаар улирлын
судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого  841000 төгрөг болсон байна. 

Энэ
нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 93000 төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. Өрхийн орлого
нэмэгдэхэд цалингийн орлого нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн
зарлага 772000 төгрөг болжээ.

УЛСЫН ТӨСӨВ

Улсын
нэгдсэн төс­вийн тэнцвэржүүлсэн  ор­лого,
тусламжийн нийт хэмжээ 2013 оны эхний наймдугаар сард 3 их наяд 450.2 тэрбум төгрөг,
зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ гурван их наяд 581.4 тэрбум төг­рөг
болсон байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 131.2 тэрбум төгрөгийн
алдагдалтай гарлаа.

Нэгдсэн
төсвийн урс­гал орлого 2013 оны эхний наймдугаар сард 3449.5 тэрбум төгрөг, урсгал
зардал 2816.0 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл 633.5 тэрбум төгрөгийн
ашигтай гарав.

ТАТВАРЫН ОРЛОГО НЭМЭГДЖЭЭ

  Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс
250.3 тэрбум төгрөг буюу 9 хувиар нэмэгдэхэд 
бусад татварын орлого 152.1 тэрбум төгрөг буюу 27.9 хувиар буурсан хэдий
ч дотоодын бараа, үйлчилгээний татварын орлого 148.3 тэрбум төгрөг, орлогын албан
татварын орлого 127.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн орлого 109.7
тэрбум төг­рөг, өмчийн татварын орлого 9.2 тэрбум төг­рө­гөөр өссөн нь  нөлөөлжээ.

 
ГАДААД ХУДАЛДАА

Монгол
Улс 2013 оны эхний наймдугаар сард дэлхийн 125 оронтой  худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт
зургаан тэрбум 960.1 сая ам.долларт хүрч, үүнээс экспорт хоёр тэрбум 703.2 сая ам.доллар,
импорт дөрвөн тэрбум 256.9 сая ам.долларт хүрсэн байгаа юм.

Гадаад
худалдааны тэнцэл 2013 оны эхний наймдугаар сард 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай
гарч, өмнөх оны мөн үеийнхээс 234.3 сая ам.доллар буюу 13.1 хувиар буурчээ.

Нийт
бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 571.0 сая ам.доллар буюу 7.6 хувь,
үүний дотор импортын хэмжээ 402.6 сая ам.дол­лар буюу 8.6 хувь, экс­портын хэмжээ
168.4 сая ам.доллар буюу 5.9 хувиар буурчээ. Гадаад худалдаа алдагдал хү­лээж байгаа
гол шалтгаан нь экпортолж байгаа эрдэс бүтээгдэхүүн буурч, нүүрсний экспорт хоёр
сая 771 мянган тонноор буюу 21.8 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Монголд анхны олон улсын стандартын худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулагдах гэж байна

“Хүннү” гэсэн хаягтай том цогцолбор Яар­магийн
гүүрний баруун талд сүндэрлээд байгаа билээ. Энд Монголын хамгийн анхны олон ул­сын
стандартад нийцсэн “Хүннү молл” худалдаа, үйлчилгээний цогцолбор нээгдэх гэж байгаа
юм байна. Монголд “Метро молл”, “Макс молл” гээд олон молл байдаг. Гэхдээ олон улсын
стандартын дагуу баригдсан анхны худалдаа үйлчилгээний цогцолбор нь “Хүннү молл”
болж байгаа аж. Учир нь энд дэлхийд алдартай олон брэн­дийн дэлгүүр, бүх төрлийн
үйлчилгээний газар нэг дор байрлахаас гадна иргэдийн амралт чөлөөт цагаа тав тухтай
өнгөрүү­лэх орчныг бүрдүүлж чад­сан энтертаймент үйл­чилгээг багтааснаараа ялгарч  байгаа аж. Дотроо цэцэрлэгт хүрээлэн, жи­лийн
дөрвөн улирлын мөсөн гүлгуур, кино театр гээд олон зүйл байрлаж байгаа юм.  Энэхүү худал­даа үйлчилгээний цог­цолбор хэзээ
нээгдэх талаар сурвалжиллаа. Барилгын ажил нь гадна талаасаа дуусч, дотор засал
чимэглэлийн ажил нь үргэлжилж байлаа. Ерөнхийдөө 85 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа
гэнэ. Энд ажиллаж бай­гаа хүмүүс бүгд монгол ажилчид байлаа. Дотоо­дын ком­пани
барилгыг өөрсдөө гүйцэтгэсэн.  Гад­наас нь
харсан ч тэр, дотроо ч гэсэн маш том байгуу­ламж юм байна. Гурван давхар бөгөөд
нийтдээ 50.000 м2 тал­байтай, 800 машины гад­на болон доторх зогсоол­той гэж тайлбарлалаа.
Барилгын нэг давхарт цэцэрлэгт хүрээлэнтэй. Цэцэрлэгт хүрээлэн­ амьд байгаль­тай
гэдгээ­рээ онц­лог аж. Дундуур нь 50 метр орчим урттай гол урсах бөгөөд голд загас,
жараахай ч байх гэнэ. Голоо тойроод мод урга­малтайгаас гад­на төрөл бүрийн амьтны
ертөнц, үлэг гүрвэлийн үзмэр гэх мэт зүйлүүд багтаж байна.

Мөн тоглолт, арга хэм­жээ зохион байгуулахад тохиромжтой тайзтай гээд
нийтдээ цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээ 1000 гаруй метр квадрат аж. Тэндэхийн
ажилтнууд тайлбар­лах­даа “Манайхаар үйлч­лүүл­сэн хүмүүс гол усны чимээг сонсон,
тав тухтай амралтын орчинд олон үндэстний зоогийг ам­талж суух юм” гэж ярьж байв.
Мөн Монголын анх­ны барилга дотор мөсөн гулгуурын талбайг хийж байлаа. Европын компа­ниас
хөргүүрийн болон бүрэн тоноглолуу­дыг авч гүйцэтгэлийн аж­лыг ОХУ-аас ирсэн  мэр­гэжилтнүүд хийж байгаа юм байна лээ. Мөсөн
гулгуурын талбай нь жилийн дөр­вөн улиралд ажиллаж, нэг дор 150 хүн зэрэг тог­лох
боломжтой. Хүүхэд ч гэхгүй том хүмүүс ч гулгаж болох гэнэ. Эцэг, эхчүүд дэлгүүр хэсэнгээ дээд давхраас хүүхдүүдээ хараад
байх боломжтой шийдлээр хийж байгаа юм байна лээ. Энэ мэт Монголд анхны гэх зүйл
энд олон байна. Хоёр давхарт үйлчилгээний төв, супермаркет, брэндийн хувцасны дэлгүүр,
эмийн сан, үсчин, саун, олон улсын хоолны газар, кафе, паб гээд бүх төрлийн үйлчилгээний
газар байх аж. 

Брэндийн дэлгүүрүү­дийн хувьд тийм ч  үнэтэй биш, дэлхий нийтээрээ өргөн хэрэглэдэг
Esprit, Zara зэрэг брэндийн дэлгүүр нээг­дэх нь. Гурван давхарт кино театр, хүүхдийн
тоглоомын парк байр­лахаар төлөвлөлт хийгджээ. Кино театр нь дөрвөн танхимтай. Орчин
үеийн шийдэлтэй бөгөөд нийтдээ 1100 хүний суу­далтай аж. Харин хүүхдийн тог­лоомын
парк сонирхол татна.

Биднийг очих үед тог­лоомуудыг нь угсрахаар авчирсан
байв.

АНУ-аас ирсэн уралдааны машин, савлуур, уртын
харайлтын зам, үсэрдэг гудас, том хүмүүс ч сууж тоглож болох галт тэрэг зэрэг маш
олон сонирхолтой, орчин үеийн тоглоомууд байна. Бас залуу гэр бүлд зориулсан  “Home DIY store” буюу гэр ахуйн барааны дэл­гүүртэй.
Залуу гэр бүл болон гэрээ өөрийн дуртай загвараар  засаж тохижуулах хүсэлтэй хү­мүүст зориулагджээ.
Мөн л анхны DIY дэлгүүр гэдгээрээ онцлог болж байна. 

Монголд хүүхэд залуучууд гэлт­гүй томчуудад  зориулсан амралт, чөлөөт цагаа зөв боловсон өн­гөрүүлэх
газар байдаггүй. Тэгвэл “Хүннү молл”-д гэр бүлээрээ, найз нөхдөөрөө ирээд дэлгүүр
хэсэнгээ кино үзэж, тоглож, алжаалаа тайлж болох нь. Эднийх ирэх долдугаар сарын
1-нд нээлтээ хийх юм байна. Энэхүү цогцолборыг барихдаа олон улсын стандартын тоног
төхөөрөмж, орчин үеийн шинэ шийдэлтэй барилгын ма­териалыг ашиглажээ.

Жишээлбэл, шилэн хана нь гэхэд хагардаггүй, бяцардаг
материал гэнэ.

 Хятадын
нэг ширхэг хадаас ч ашиг­лахгүйгээр барьсан гэв. Дандаа  Европын өндөр чанарын барилгын материал ашигласан
учир ир­гэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадна гэсэн.

Мөн үйлч­лүүлэгчдийн эрүүл мэндэд то­хируулан
Германы “Wolf” брэн­дийн агаар цэвэршүүлэгч, халаагч системүүд суурилуулсан байна.
Энэ нь хүйтэн, дулаан агаар гаргаад зогсохгүй агаарыг сорж цэвэршүүлээд гадагшлуулдаг
аж. Галын болон камерын хяналтын системийн цогц шийдэлтэй, бие засах газар, цахилгаан
шат нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тоноглолтой байна. “Хүннү молл” компанийн  гол уриа бол халуун ам бүл, найз нөхдийн аз жаргалтай
цаг мөчийг өн­гөрүүлэх өргөө болох гэнэ. Тиймээс ч монголчууд гадаад улс орон руу
явж дэлгүүр хэсэхгүй, харин Монголдоо дэлгүүр хэсэх тэр орчныг бүрдүүлж байгаагаараа
онцлог хэмээн ярьж байсан юм.

Тус компанийн менежментийн багийн гишүүн Ц.Мөнхсайхан
“Дэлхий даяар хүлээн зөв­шөөрөгддөг хүн бүхний хэрэгцээг хангасан  үйлчилгээг бид нэг дор цогцлоон бүтээж байгаагаараа
бусад моллуудаас ялгарах онц­логтой. Бид моллынхоо талаар олон давуу талыг дурьдаж
болно. Жилийн дөрвөн улиралд гулгаж болох битүү мөсөн гулгуурын талбай, хамгийн
сүүлийн үеийн атмос, дижитал системтэй молл доторх 1100 хүний суудалтай кино театр,
бүх насны хүүхдэд зо­риулсан орчин үеийн тоглоомууд, “Хүннү” цэцэрлэгт хүрээлэн  байрлана. Үүгээрээ бид экосис­тем­тэй амьдралын
шинэ хэв маягийг молл дотроо бий болгохыг зорьж ажиллаж байна.

Гадаад улс орны жишгээс хара­хад молл нь өөрөө
хотоос зайдуу байрладаг ба хүмүүс зорьж очиж үйлчлүүлдэг. Манай талбайн хэмжээ,
хүчин чадал нь Улаан­баатар хотын нийт хүн амд үйлчлэх боломжтой.

“Хүннү молл”-ын хувьд нийслэлийн бүтээн байгуулалт
ид өрнөж байгаа шинэ яармаг хорооллын төвд, Чингэс хаан олон улсын нисэх онгоцны
буудал мөн Хөшигтийн хөндийд баригдах шинэ онгоцны буудлын зам дагуу байрлаж байгаа  зэрэг нь гадаад дотоодын жуулчдыг татах болон
хүмүүс хотын түгжрэл,  утаанаас айхгүйгээр
үйлчлүүлэх бүрэн боломжтой.

Худалдаа үйлчилгээ­ний цог­цолбор гэдэг утгаараа
үйлч­лүүлэгчдийн хөл хөдөл­гөөнийг моллын бүхий л хэсэгт идэвхжүүлж чадах нь түрээслэгч
нарт ашигтай байдаг.

Моллоор үйлчлүүлэх гэж гадагшаа явдаг цаг ард
хоцорлоо. Бид халуун ам бүл, найз нөхдийн аз жаргалтай цаг мөчийг өнгөрүүлэх өргөөг
цогцлооно” гэв.

Х.ЦЭНД-АЮУШ

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хугацаа нь дууссан чанаргүй вакцин тарьж шүлхийтэй тэмцэж байна гэв

Сүхбаатар аймагт малын гоц халдварт
шүл­хий гарч, хорио цээрийн дэглэм тогтоо­гоод байгаа билээ. Сүхбаатар аймгийн Онгон
суманд гарсан малын гоц халдварт шүл­хий өвчин Наран сумын нутагт илэрч цаашид нэмэг­дэх
хандлага­тай байгаа тул Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвс­гэрт өндөржүүлсэн
бэлэн байдлын зэрэгт шилжиж, хорио цээрийн дэглэм тогтоо­гоод байна.

Халдварт өвчний голом­­тод
150 шахам тол­гой мал шүлхийн шинж тэм­дэгтэйгээр өвчилс­нөөс 120-ийг нь устгасан
байна. Нөхцөл байдалтай холбоотойгоор шүлхий гар­сан бүс нутгийн үхэр малыг вакцинжуулах
ажил үргэлжилж байна. Одоо­гоор Онгон сумын 1, 3 дугаар багт 35131 малыг вакцинжуулсан
гэх мэдээ­лэл байна. Гэтэл шүлхий гарсан бүс нутгийн үхэр, малд тарьж байгаа вакци­ны
хугацаа нь дууссан гэх мэдээлэл байна. Хоёр­дугаар сарын 1-нд хугацаа нь дуусч устгалд
оруулах ёстой вакциныг шүлхий­тэй малд тарьж байна гэх шүүмжлэл гараад байгаа аж.
Энэ талаар  Монголын мал эмнэлгийн холбооны
Ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох ийн ярилаа.

-Хугацаа нь дууссан вакциныг шүлхийн
голом­тод байгаа мал, үхэрт тарьж байна гэж байна?

-Хоёрдугаар сарын 1-нд хугацаа нь
дууссан вакциныг Сүхбаатар аймгийн малд хийж байна. Хугацаа нь дуус­сан вакциныг
устгалд оруу­лах ёстой байтал яагаад тарьж байгааг мэргэжлийн хүмүүсээс тодруулах
хэрэг­тэй. Дээр нь хугацаа нь дуус­санаас гадна ОХУ-аас орж ирсэн энэ вакцин чанаргүй
гэдэг нь амьдрал дээр бат­лагд­сан. ОХУ-аас авчирсан шүлхийн эсрэг вакциныг өнгөр­сөн
оны арав, арван­нэг­дүгээр сард шүлхий­гээс урьд­чилан сэргийлэх зорилгоор зүүн
аймгуудын малд хийсэн. Энэ вакцин зургаан сарын дарх­лаа үүсгэх ёстой гэж заавар
дээрээ байгаа. Гэтэл зургаан сар хамгаалах үйл­чил­гээтэй вакцин үр дүнгээ өгсөнгүй.
Гурван сарын дараа буюу саяхан дахиад Сүхбаатар аймагт шүлхий гарлаа. Вак­цин тариад
бай­хад шүлхий гараад байгаа нь энэ вакцин чанаргүй, үйлчил­гээ үзүүлэх­гүй байна
гэсэн үг гэдэг нь амьдрал дээр бат­лагд­лаа. Вакцины хугацаа дуусч үйлчлэхгүй байсаар
атал  одоо дахиад шүл­хий гарсан голомттой
бүс нутгийн малд хийж байна. Дээр нь Шадар сайдын хийсэн мэдээл­­лээр энэ чанаргүй
вакцинаа авахаар дахин Орос руу хандахаар шийдсэн гэсэн. Чанаргүй гэдэг нь тогтоогдоод
байхад нэмж авчрах шаардлага бай­на уу. Энэ тал дээр бодитой хяналт тавьж ажиллах
хэрэгтэй юм.

-Хугацаа нь дууссан гэд­гийг малын
эмч нар мэдэж байгаа биз дээ. Энэ асуу­далд хаанаас хяналт тавь­даг вэ. Яагаад чанаргүй
вакцин авчирч байна гэж бодож байна?

-Вакцины гаднах шошгон дээр хоёрдугаар
сарын 1-нд хугацаа нь дууссан гээд тэмдэглэгдсэн байгаа шүү дээ. Мал эмнэлэг үрж­лийн
газар, Мэргэжлийн хянал­тын газар хяналт тавих ёстой.  Мал эмнэлэг, үржлийн газ­рын нөхдүүд л ийм завх­рал
гаргаж байна гэж бодож бай­на. Тэдэнд чанаргүй вак­цин авах сонирхол байгаа гэж
бодож байна. Урт хугацааны дарх­лаа тогтоодог. Найдвар­тай  ийм вакцин зөндөө бай­на. Заавал Оросын дархлаа
тог­тоодоггүй, идэвхгүй, богино хугацаанд үйлчилдэг вакцин тариад байгаагийн цаана
хардах зүйл олон бай­гаа юм. Хүнс­ний аюулгүй бай­дал, нийг­мийн эрүүл мэн­дийн
асуудал учраас үүгээр дамжуулж бизнес хийдэг сүл­жээ бий болж. Бас нэг ноцтой асуудал
бол сая шүлхий өвч­нөөс урьдчилсан сэргийлэх вакциныг буруу хадгалж, хөл­дөөгөөд
олноор нь устгалд оруулсан зөрчил гарсан бай­на лээ. Говьсүмбэр айм­гийн мал эмнэлгийн
албанд ний­лүүл­сэн вакцин хадгалах хөр­гүү­рийг зориулалтын бус газар суурилуулан,
агуула­хын орчны дулааны байдалд хэмжилт хийгээгүйгээс нийт­дээ 725.6  мянган тун вакцин  хөлдөж, улсад 300 гаруй сая төгрөгийн хохирол
учирсан нь тогтоогдсон. Мөн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакци­ныг хоёр удаа
тарих ёстой гэж заавар дээр нь бий. Харин манайхан нэг удаа тарьж, зааврыг нь мөрддөггүй
зөрчил гарч байгааг шалгаж тогтоох ёстой юм.

-Чанаргүй вакцин гэд­гийг манай
улс дотоодын­хоо лабораторид шалгаад мэдэх боломж бий юу?

-Дотооддоо сайн, муу вак­цин байна
гэдгийг шалгаад мэдэх боломжгүй. Тийм лабо­ра­тори байхгүй. Өнгөрсөн 2012 он ОХУ-аас
нийтдээ үхэрт тарьдаг тунгаар 40 сая тун, хонь ямаанд тарьдаг тунгаар бол 80 гаруй
сая тун вакцин авчирч тэдгээрийг одоо хэрэглээд дуусч байгаа нь энэ. Нийтдээ үхрийн
тун­гаар 28 сая тонн вакцин ав­сан. Энэ бүгдийг улсын төс­вийн хөрөн­гөөр авч байгаа
шүү дээ. Дээр нь малын эмч ажиллуулж, малчдын малыг хэдэн зуугаар нь уст­галд оруулж
байгаа гээд том хохи­рол учирч байгааг анхаа­рах хэрэгтэй юм. ОХУ-аас вакцин авчирч
тарихад хам­гийн бага­даа арав гаруй тэр­бум төгрө­гийн хөрөнгийг улсын төсвөөс
зарцуулсан гэсэн тооцоо байна. Устгалд орсон арван мал тутмын есд нь улсаас нөхөн
төлбөр өгч байгаа. Зуун мал устгавал улсаас зуун сая төгрөг дунджаар гаргана. Нөгөө
талаар устгах арга нь буруу байна. Нэг хотонд бай­гаа малын нэгийг нь уст­гаад,
нэгийг нь устгахгүй бол нэмэргүй. Энэ бол маш буруу арга юм.

Мөн манайх шүлхийтэй тэмцэж байгаа
аргаа  өөрчлөх хэрэгтэй байна. Нэг хотонд
байгаа 30 үхрийн  гурвыг нь шүлхий туссан
гээд устгалд оруулж,  27 үхрийг өвчлөөгүй
гэж үлдээж байна.  Нэг хотонд байсан 30 үхрийн
зөвхөн гурав нь өвчлөөд үлдсэн 27 нь өвчлөөгүй эрүүл байна гэж байхгүй. Бүгдээрээ
вирус тээгээд байж байдаг. Тэгэхээр үхэр устгаж байгаа энэ тэмцэл өөрөө буруу юм. 

-Биокомбинатад мал амьт­ны эсрэг
олон төрлийн вакцин хийдэг. Шүлхийн вакцин яагаад хийхгүй байгаа юм бол?

-Монголчууд шүлхийн вакцин хийж байгаагүй.
Мон­голд мал амьтны вакцин үйлд­вэр­лэдэг ганц үйлдвэр нь Биокомбинат юм. Одоо Био­ком­бинатад
нийтдээ 30-аад нэр төрлийн вакцин үйлдвэр­лэдэг. Боом, бруцеллёз, гал­зуу гээд голдуу
бактерийн эсрэг вакцин үйлдвэрлэж бай­на. Харин шүлхийн вак­цин үйлд­вэрлэж байгаагүй.
Шүлхийн вакцин үйлдвэрлэ­хэд маш нарийн ажиллагаа шаардла­га­тай. Маш цэвэр орчин,
техник тоног төхөө­рөмж, мэр­гэшсэн боловсон хүчин, мэр­гэ­жилтэн гээд энэ бүгд
манайд хараахан байх­гүй байна гэв.

 ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ЭСРЭГ ВАКЦИНЫ ХУГАЦАА
ДУУСААГҮЙ

Засгийн газрын хэрэг­жүүлэгч
агентлаг, Мал эмнэлгийн үржлийн газрын дэд дарга Т.Баатараас энэ талаар тодрууллаа.

  -Хугацаа нь дууссан, уст­галд оруулах
ёстой вакциныг шүлхий гарсан голомттой бүс нутгийн малд хийж байна гэх мэдээ­лэл
байна. Энэ ямар учиртай юм бол?

-Хоёрдугаар сар дуусаа­гүй байна.
Хоёрдугаар сард хэрэглээд хугацаа нь дуусна. Тиймээс одоо вакцины хуга­цаа нь дуусаагүй
учраас тарьж болно.

-ОХУ-аас оруулж ирсэн шүлхий өвчнөөс
урьдчилан сэргийлэх вакцин чанаргүй байна гэх шүүмжлэл гарч байна. Зургаан сарын
дарх­лаа үүсгэх ёстой вакциныг зүүн аймгуудын малд гур­ван сарын өмнө хийсэн боловч
дахиад шүлхий гар­сан нь шүүмжлэл дагуулж байна? 

-Чанарыг нь Монголд шалгадаггүй. Дэлхийн
мал, амьтны эрүүл мэндийн бай­гуу­л­лагын лавлагааны төв лабораторид шинжилгээ хий­сэн
вакцин юм. Тиймээс чанар дээр манайхаас мэдээ­лэл өгөх боломжгүй байна. ОХУ-аас
оруулж ирсэн шүл­хий өвчнөөс урьдчилан сэр­гийлэх вакциныг гурван жил Зүүн аймгуудын
малд хийж байна.

-Хугацаа нь тун удахгүй дуусах
гэж байгаа юм байна. Одоо хичнээн тонн вакцины нөөц байгаа вэ. Вакцинжуулах ажил
хэдэн хувьтай явж байгаа бол?

-Одоо ч гэсэн вакцинжуу­лах ажил хийгдэж
байна. Тэгэхээр яг хэдэн тооны ма­лыг вакцинжуулаад байгааг хэлэх боломжгүй байна.
Нийт­дээ хоёр тонн гаруй вак­цин үлдсэн байсан. Үүнийг сая гаруй толгой малд тари­на
гэсэн тооцоо байна.

-Шүлхийн вакцин зур­гаан сарын
дархлаа үүсгэх­гүй байгаа юм чинь энэ удаад үр дүн өгөх үү. Шүл­хий өвчнийг дарж
авч чадах болов уу?

-Бид зааврынх нь дагуу хийж байгаа.
Шүлхий хүйт­рэ­хээр хурдан тардаг. Хүн, ма­лын хөл, тээврийн хэрэгсэл, шувуугаар
хүртэл шүлхий өвчин тардаг. Тиймээс шүл­хийг зөвхөн вакцин хийгээд дарж авна гэхэд
төвөгтэй юм. Манайхаас вакциныг заав­рынх 
нь дагуу тарьж хэрэглэж, хүн хүч техник гарган ажил­лаж байна гэлээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Т.Рэнцэн аав ээж, дүүтэйгээ гэртээ амьдарч байна

Гэрийнхээ гаднаас алга болсон 11 настай хүү зургаан жил хонь хариулж
байгаад гэртээ ирсэн тухай сурвалжлагыг манай сонин өнгөрсөн дугаартаа цув­ралаар
хүргэсэн билээ. Алга болсон Т.Рэнцэнгийн аав ээж болон түүний зургаан жилийн турш
байсан айлын хоёр хөгшин­тэй хийсэн ярилцлагыг өмнөх дугаартаа хүргэсэн. Энэ удаад
Т.Рэнцэн хүүтэй уулзсан юм. Түү­ний аав Р.Түмэнжаргалын  утас руу залгаад  хүүтэй чинь ярилцлага хиймээр байна гэхэд “Хүү
маань урьд шөнө ирсэн. Ирээд өөрөөс нь асуух 
уу” гэлээ. Тэднийх Баянзүрх дүүрэг, 
Монелд байдаг юм байна. Т.Рэнцэн ээжийнх нь төрсөн дүү болох мянгат малчныд
байж байгаад Өвөрхангайгаас ирээд байгаа нь энэ юм. Гэрийнх нь хаягийн дагуу очлоо.
Ногоон өнгийн төмөр хаалгатай хашааны гадна ирээд үүдийг нь цохиход Р.Түмэнжаргал
гуай өөрөө гарч ирэв. Тэрбээр “Тол­гойгоо угааж байсан болохоор жаахан удаан гадаа
зогсоочихов уу.  Одоо бид хэд яг гарах гээд
байж байна” гэсээр гэртээ дагуулж оров. Цэлгэр том хашааны захад ганц модон байшин
байв. Хүүгийн ээж гэртээ юмаа угаагаад сууж байлаа. Бид­нийг ороод ирэнгүүт “Дээшээ
сууц­гаа” гээд угааж байсан юмаа сандрангуй цаашлуулав. Тэрбээр хүүгийнхээ хувцсыг
нь угааж байсан аж. Р.Түмэнжаргал гуай араас орж ирээд “Бид хоёр хүүгээ ирнэ гээд
сар шинийн тавгийн идээгээ хураагаа­гүй сууж байна. Охин маань сая хичээлдээ явлаа”
гээд хойморт суув.  Тэдний байшин нэг өрөөтэй.
Гал тогоогоо ханан пийшингээр тусгаарлажээ. Хоймор­тоо хоёр эрээн авдар, модон шкаф
зэрэгцүүлээд дээр нь хавтастай толь, жаазтай зураг тавьсан хараг­дав. Модон ширээ,
сандал, ор гээд энгийн монгол айл байлаа. Рэнцэн хүү хойд орон дээрээ хэвтэж байв.
Гутлаа тайлаа­гүй хөлөө орныхоо урдуур унжуул­чихаж. Гаднаас хүмүүс орж ирлээ гээд
сонирхож өндийж харсангүй.  Аав, ээж нь “Миний
хүү Рэнцэн босоорой. Хүмүүс орж ирлээ” гэхэд хүү хэсэг байж байснаа тун дургүй босоод
суулаа. Ээж нь “Шөнө ирсэн болохоор замдаа нэлээд ядарсан байна” гээд хүү рүүгээ
харав. Бид түүнтэй “Сайн байна уу” гэж мэндлэхэд толгой дохиод аман­даа “сайн” гэж
сулхан хариуллаа. Нүдэнд нь цог золбоо алга гэмээр харагдана. Ямар нэг зүйлээс эмээсэн
бас их ядарсан, туниа  муутай харагдаж байв.
Одоо 18 настай гэхэд 14, 15 настай гэмээр жижигхэн туранхай биетэй. Үг дуу цөөтэй.
Барагтай бол юм ярихгүй. Асуусан болгонд тийм, үгүй, мэдэхгүй гэж хариулж байлаа.
Ээж, аав нь хүү рүүгээ хандан “Одоо айж ичих юм байхгүй. Тайван байж, болсон юмаа
яриарай миний хүү” гэхэд хариулсангүй.  Энэ
үед ээж нь “Миний хүү олон жил гэрээсээ хол байсан болохоор сэтгэлдээ бэтгэрсэн
байлгүй дээ. Жаахан хүүхэд аргагүй биз. Ер нь юм ярихгүй байхад нь ядраагаад яахав.
Аажуу, уужуу тэгж байгаад өөрөө ярих байлгүй. Бид хоёр ч янз бүрийн зүйл асуухгүй
байна”  гэв.

  Ингээд
Т.Рэнцэн хүүтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

 
-Гэртээ ирсэн ямар байна?

-Сайхан л байна.

-Аав, ээж, дүүгээ санасан уу?

-Санасан.

-Дүү нь том болсон байна уу?

-Тийм. Том болсон байна.

-Чамайг ямар хүмүүс дагуулж 
явсан бэ. Тэр үед юу болсон талаар ярихгүй юу?

-Мэдэхгүй (доошоо харав)

-Гэрийн чинь үүднээс танихгүй хүмүүс машиндаа суулгаад аваад явсан
гэсэн биз дээ…

-Танихгүй хүмүүс байсан.

-Тэгээд хаана аваачсан юм бол?

-Хогийн цэг дээр. Тэнд орхиод явсан.

-Хогийн цэг дээр очоод чи юу хийдэг байв. Хаана хонодог байсан
бэ?

-Айлд хонодог байсан. Хогийн цэгийн ойролцоох олон хүүхэдтэй айлд.
Бид нар өдөртөө гадуур яваад тэгээд орой ирээд унтдаг байсан.

-Тэр айл нь хаана байдаг юм?

-Баянхошуунд. Хогийн цэгийн ойролцоо.

-Тэгээд чамайг хогийн цэг дээрээс хэн ирж аваад хөдөө авч явсан
юм бэ?

-Нэг ах. Би тэр хүнийг танихгүй.

-Чамд юу гэж хэлээд да­гуулж явсан юм бол?

Санахгүй байна.

Хогийн цэг дээр юу хийдэг байсан юм бол. Хэр удсан бэ?

-Хэсэгтээ л байсан. Яг хэд хоносон гэдгээ мэдэхгүй байна.

 -Хөдөө танихгүй айлд
байх хэцүү байсан уу?

-Надад хэцүү байгаагүй. Хонио хариулаад л явж байсан.

-Ямар ямар ажил хийдэг байсан бэ?

-Өглөө босоод хонинд явна. Үдээс хойш 4, 5 цагийн үед ирээд үхэр
мал гэсээр байгаад орой болно. Тэгээд орой хоолоо идээд унтдаг байсан.

-Гэртээ ирмээр санагддаг байсан уу?

-Тийм.

-Тэгээд гэр лүүгээ явмаар байна, ээж, аав дээрээ очмоор байна
гэж хэлж байв уу?

-Нэг удаа хэлж байсан. Дуугарахгүй л байна лээ.

-Одоо тэр айл чамайг буцаад ир гэвэл очих уу?

-Очихгүй.

-Айлын өвөө, эмээ хоёр чамд юу гэж хэлдэг байв. Та гурав юу ярилцдаг
байсан бэ?

-Юу ярих вэ дээ. Би орой ирээд унтаад өгдөг байсан. 

-Хажуу айлаа таньдаг байв уу. Чамд тэнд олон найзууд байсан уу?

-Тэр хавийн айлуудыг бүгдийг нь танина. Найзууд байхгүй. Дандаа
настай хүмүүс байдаг. 

-Хоёр настны хүүхдүүд нь ирдэг байсан уу?

-Хүүхдүүд нь хааяа ирдэг. Тэр эмээ, өвөөгийн нэг хүүхэд нь надад
их сайн. Бид  найзалдаг байсан. Тэр ах Солонгос
явж ажил хийсэн тухайгаа надад ярьдаг байсан. Бид хоёр нэг удаа ачааны машинтай
хотод ирээд юм зарчихаад буцаад явсан юм.

-Чамд шинэ хувцас авч өгдөг байсан уу?

-Нэг удаа гутал авч өгсөн.

-Шинэ хувцас авч өгөхөөр нь чи өмсөхгүй далд хийдэг байсан юм
уу?

-Би авч өгсөн гутлыг нь өмссөн ш дээ.

-Өөр хувцас авч өгч байсан уу?

-Үгүй. Хүүхдүүдийнхээ хуучин хувцсыг гаргаж ирээд өгдөг байсан.

-Мал маллах ямар байсан бэ?

-Гоё.

-Аав, ээж нь чамайг зөндөө хайсан гэсэн?

-…(Толгой дохив)

-Тэр айлынх чамд  мал тас­даж
өгөөд гэр барьж өгсөн гэсэн?

-Хэдэн мал тасдаад өгсөн. Шинэ гэр байгаа. Тэр гэрийг барьж өгнө
гэж байсан юм.

-Гэрээ санаж байсан юм чинь мэдээж хот руу орох талаар бодсон
байх?

-Бодсон.

-Хот руу унаа явдаг байсан уу?

-Зөндөө явдаг байсан.

-Тэгээд унаанд суугаад хү­рээд ирж болохгүй байсан юм уу?

-Хэлэхгүй хүрээд ирэх талаар бодож байсангүй.

-Яагаад сая гэртээ ирэх талаар бодсон бэ?

-Хотод ирчихсэн болохоор л 
өвөө, эмээ рүүгээ явмаар санагдаад хэлэхгүй гарсан.

-Чамайг яагаад хот руу дагуулж ирсэн юм бол?

-Хотод кино театр үзүүлнэ гэсэн юм.

-Одоо хотод юу хийнэ гэж бодож байна вэ?

-Мэдэхгүй гэв.

Энэ үед ээж нь хажуугаас нь “Хүүгээ цэрэгт явуулна. Олон түмэнтэй
цуг байгаад ирвэл өөрт нь хэрэгтэй. Миний хүү дажгүй сайн цэрэг болно. Одоо нэг
жил алба хаах юм чинь гайгүй байх. Тэгээд цэргээс ирэхээр нь жолооны курсэд суул­гана”
гэв. Харин аав нь “Сургуульд сураагүй болохоор хэцүү байна. Иргэний үнэмлэх авч
өгнө дөө, одоо” гэв. Тэд ийнхүү бидэнтэй зэрэгцээд гэрээсээ гарахаар хувцаслалаа.
Хүүдээ тэд тод цэнхэр өнгийн шинэ дээл гаргаж ирээд өмсүүлээд да­гуулж гарав. Хүүг
алга болсон хэргийг шалгаж байгаа  Баянзүрх
дүүргийн цагдаатай уулзахаар гарч байгаа нь энэ аж. Цагдаа байн байн утас руу нь  залгаж, “Та хүүгээ аваад хүрээд ир” гэж дуудаад
байгаа тул ийнхүү гарцгаасан юм.

 

Х.ЦЭНД-АЮУШ    

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Сар шинийн баяраар хэрэг зөрчил бага, тайван өнгөрчээ

-БАЯРЫН ӨДРҮҮДЭД 408 ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН БАЙНА-

Сар шинийн баярын өдүүдэд цагдаагийн бай­гуул­лага өндөржүүлсэн
бэлэн байдалд ажилла­сан билээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн газраас Нийг­мийн
хэв журам хамгаалах газрын Тусгай хамгаалалтын хэл­тэс, Дотоодын цэрэг­тэй хамтарч
гэмт хэрэг, зөрчил гарч болзошгүй иргэд цугладаг үзвэр үйлчилгээний газар, ху­дал­дааны
төв, зах болон алслагдмал гэр хороо­лол орчимд эргүүлийн чиглэл нэмж “Сар шинэ”
нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон нийтийн газар үйл­дэгдэж бол­зошгүй гэмт хэрэг,
захир­гааны зөрч­лөөс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Баярын өдрүүдэд цагдаа­гийн 102 тусгай
дугаарын утсаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 5870 мэдээ­лэл хүлээн авч гэмт
хэргийн шинжтэй 112 үйлдэл бүрт­гэгд­сэнээс 95 үйлдлийн сэжиг­тэнг тогтоож, амиа
хорлох, өвчний улмаас болон бусад байдлаар нийслэлд 21, хөдөө орон нутагт 19, улсын
хэмжээнд 40 хүн нас барсан тохиолдол бүртгэгд­жээ. Нийслэлийн хэмжээнд өдөр, орой,
шөнийн эргүүлд давхардсан тоогоор 761 чиглэлд 1104 офицер, 2029 цагдаа, 212 автомашинтай
үүрэг гүйцэтгэн хэв журмын зөрчил гаргасан 461 хүнийг 2.388.000 төгрөгөөр торгож,
танхайрсан гурван хүнийг шүүхээр баривчлуулан, биеэ авч явах чадваргүй, согтуу­гаар
зөрчил гаргасан 408 хүнийг эрүүлжүүлжээ. Харин осгож нас барсан тохиолдол гараагүй
байна. Цагдаагийн албан хаагчид баярын өдрүү­дэд эргүүл хийж, хулгайн хоёр хэрэг,
булаалт нэг, хүчингийн нэг, танхайн зургаан зөрчлийг халуун мөрөөр нь болон үйлдэл
дээр илрүүлэн ажил­ласан байна. Ерөнхийдөө сар шинийн баяраар улс орон даяар онц
ноцтой гэмт хэрэг гараагүй, тайван өнгөрс­нийг онцолж байв.  Харин  ахуйн
хүрээний хулгайн хэрэг олон гарчээ.

БИТҮҮНИЙ ӨДӨР

Нэгдүгээр сарын 30-нд буюу битүүний
өдөр нийс­лэлд хулгайн олон хэрэг гарсан бөгөөд жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн
18 дугаар хороонд 17:00 цагийн орчимд “Сансар” худалдаа­ны төвийн үүдэнд иргэн Ц
өөрийн “Land cruser-80”  авто­машинаас булган
мал­гай, дунд гарын мөнгөн аяга, “Samsung” зургийн аппарат, зэрэг эд зүйлээ алдсан
бай­на. Мөн Сонгинохайрхан дүүр­гийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Istana” авто­маши­наас
хонины чанасан ууц алдагдсан хэрэг гарчээ.

ШИНИЙН НЭГЭНД

Багануур дүүргийн 44 дүгээр байранд
70 настай хөгшнийг айлгаж гар утсыг нь дээрэмд­сэн хэрэг гарсан байна. Тус дүүргийн
оршин суугч 28 настай эр энэ хэргийг үйлд­сэн байна. Баянгол дүүргийн 21 дүгээр
хороонд байрлах айлаас 20 ширхэг мөнгөн аяга, зөөврийн компьютер, монетон ээмэг
алдагдсан хэрэг гарчээ. Хэргийг  Чингэл­тэй
дүүргийн харьяат 24 настай Г хулгайлс­ныг шуур­хай илрүүлэн тогтоожээ. 

 Чингэлтэй дүүргийн X дугаар хороонд байрлах айлын
өвлийн сууцанд мөн хулгай орж, монетон ээмэг, бөгж, алтан гинж, алтан бугуйвч, алтан
ээмэг, хури­мын хос бөгж, бэлэн 3.200.000 төгрөг алдагдсан хэрэг гарсан байна. Хэргийг  Чингэлтэй дүүргийн цагдаа­гийн хоёрдугаар хэлтэс
шалгаж байна.

ШИНИЙН ХОЁРОНД

Нийслэ­лийн хэмжээнд цагдаагийн газрын
102 дугаарын утсанд 3962 удаа­гийн дуудлага мэдээлэл ирснээс гэмт хэрэг зөрчлийн
1412, зам тээврийн ослын 401, гэмт хэргийн шинж­тэй 28 үйлдэл бүртгэгд­сэн байна.
Дуудлагын дагуу шалгахад хулгайн гурав, золгүй байд­лаар нас барсан найм, бус­дын
биед гэмтэл учруулсан нэг, танхайн таван хэрэг гарчээ. Тод­руул­бал, Сонгино­хайрхан
дүүр­гийн V хорооны иргэн Б-ийн өвлийн сууцнаас цулгуй дунд гарын мөнгөн аяга алдагджээ.
Мөн тус дүүргийн 22 дугаар хороо­ны иргэн З-ийн зуслангийн бай­шин­гаас тодорхой
оршин суух хаяггүй 23 настай эр “Алтанбулаг” хивс хулгайлан гарч яваад баригджээ.
Сон­гино­хайрхан дүүргийн ес­дүгээр хороонд оршин суух  20 настай А нь төрсөн ах 35 настай Б-г  согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан баруун
далан тус газар нь хутгалж гэмтэл учруулсан байна.

ШИНИЙН ГУРВАНД

Сонгинохайрхан дүүр­гийн 9 дүгээр
хороонд байр­лах “Энх суварга” хүнсний дэлгүү­рээс Мобикомын нэг­жийн картууд алдагдсан
бай­на. Цагдаагийнхан дууд­ла­гаар шалгахад тус хорооны иргэн 35 настай М нь согтуур­сан
үедээ хулгайлсан нь тог­тоогд­­жээ. Мөн Сонгинохайр­хан дүүргийн 31 дүгээр хороонд
оршин суух иргэн Б-ийн өвлийн сууцны цонхыг нь хагалж бэлэн нэг сая төгрөг, цагаан
хаш хөөрөг хулгайд алдагдсан хэрэг гарсан бай­на. Хүчингийн нэг хэрэг бүрт­гэгд­сэн
бөгөөд зочид буудалд 23 настай эмэг­тэй өөрийгөө хүчиндүүл­лээ гэсэн дуудлага өгсөн
байна. Хэр­гийг цаг­даа­гийн байгуул­лага үргэлж­лүү­лэн шалгаж байгаа аж.

НАЙМАН ХҮН АВТО ОСЛООР НАС БАРЖЭЭ

Сар шинийн баярын өдрүү­дээр нийслэлийн
Замын цагдаагийн газрын 443 албан хаагч 214 цэгт хоёр ээлжээр уртасгасан цагаар
үүрэг гүйцэтгэж, гэр хорооллын гудамж замуудад хөдөлгөөний зохицуулалт хийж, түгжрэлийг
бууруула­хад онцгой анхаарч ажилла­сан байна. Хөдөлгөөний ачаа­лал ихсэх үед урсгал
сөрж явах зөрчил их гардаг учраас замын цагдаагийн газрын өгсөн мэдээллийн дагуу
Баянхошууны Хөтлийн зам,  нэгдүгээр хорооллын арын зам, Хилчин хотхоны зүүн
тал, Дарь-Эхийн уулзвар зэрэг хэд хэдэн байршилд хөдөлгөөний урсгал тусгаар­лах
хаалт байрлуулсан бол замын зорчих хэсэг нь эвдэр­сэн Баянхошуу, 3, 4 дүгээр хорооллын
замыг шороо­гоор дүүргэж тэгшил­жээ. Сар шинийн баярын өдрүүдэд буюу өнгөрсөн нэгдүгээр
сарын 31-нээс энэ сарын хоёрныг хүртэл зам тээв­рийн ослын 1104 дуудлага Шуур­хай
удирдлагын төвийн утсанд ирсэн байна. Үүнээс зам тээврийн ослоор 43 хүн гэмтэж,
хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэн давхис­наас осол гаргаж найман хүний амь
эрсэджээ.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Т.Батжаргал: ИНЕГ-т шинэ үеийн хэлмэгдүүлэлт болж байна

 “Иргэний нисэхийн байгуул­лагаас
хууль бусаар халагдсан ажилчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны гишүүн Т.Батжаргалтай
ярилцлаа.

 
-Иргэний нисэхийн байгуул­ла­гаас халагдсан ажилчдын эрх ашгийг
хамгаалах  холбоо яагаад байгуулагдах болов?

-Иргэний нисэхийн байгуул­ла­гаас хууль бусаар халагдсан ажилч­дын
эрх ашгийг хамгаалах холбоо 2013 оны арванхоёрдугаар сард байгуулагдсан. Учир нь  өнгөрсөн нэг жилийн хугацаанд ИНЕГ-т олон жил
ажилласан мэргэжлийн инже­нер, нисгэгч, ажилчдыг олноор нь халах болсон. Одоогоор
70 гаруй хүн халагдаад байна. Тэднийг халаад оронд нь гаднаас 140 гаруй хүнийг одоогийн
удирдлага авсан байгаа. Шинээр орсон гэх эдгээр хүмүүс нь нисэхийн чиглэлийн мэргэжилгүй,
туршлагагүй, хэн нэг­ний сонгуулийн ажилд тусалсан ийм хүмүүсийг аваад, олон жил
ажилласан туршлагатай  мэргэ­жилт­нүүдийг  халж хүний үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой­гоор
зөрчиж  байна. Монгол Улсын хууль тогтоомжийг
уландаа гишги­сэн замбараагүй байдал ИНЕГ-т үүсч, шинэ үеийн хэлмэгдүүлэлт энэ байгууллагад  гаарч байна гэж хэлж болно. Тиймээс тэнд ажиллаж
байгаад хууль бусаар халагдсан хүмүүс нэгдэж холбоо байгуулаад асуудлыг салбарын
яам болон хол­бог­дох газруудад тавьж байна. Миний хувьд ИНЕГ-т 25 дахь жил­дээ
ажиллаж байсан. Өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сард ажлаасаа хууль бусаар халагдаад
шүүхэд нэхэмжлэлээ гаргаад гурван шатны шүүхээр ялаад эргээд ажилдаа орохоор болсон.
Ажилдаа ороод таван минутын дараа халагдсан.

-“Еаgle” телевизээр гарсан нэвтрүүлгийн эсрэг мэдэгдэл гаргасан
байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Eagle” телевизээр  ИНЕГ-ын
дарга асан С.Батмөнх руу дайрч гүтгэсэн захиалгат төлбөртэй нийт­лэл өнгөрсөн гурван
өдрийн турш олон удаагийн давталт­тай­гаар цацагдлаа. Найман удаагийн дав­талт­­тайгаар
маш балмад  гүт­гэл­гийг явууллаа. Тэр гүтгэлгэд
мэдээлж буй бүхэн бүгд хууль ёсны дагуу  хийгдээд
ажил болсон зүй­лүүд. Шалгагдаад бүх шатны шүү­хээр буруутан болоогүй, нотлог­доо­гүй
ийм зүйлүүдийг гаргаж тавьж, буруутан мэтээр мэдээлж, гүтгэн доромжилж  олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн бүдүүлэг бай­дал
гаргаж байна. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг харгалзах­гүй­гээр нэг талыг баримтлан
бусад хүмүүсийн ашиг сонирхолд үйл­чилж тэднээс мөнгө аваад ийм болчимгүй байдал
гаргаад байгаад харамсаж байна.  Тодруулбал,
тус телевизийн эрэн сурвалжлах нэвт­рүүл­гээр ИНЕГ-ын хуучин удирд­ла­га С.Батмөнх
болон түүнтэй хамт удирдах бүрэл­дэ­хүүнд ажиллаж байсан олон хүнийг гүтгэж гэмт
хэрэгтэн мэтээр мэ­дээлж, нэр төрд нь халдлаа. Жишээлбэл, С.Батмөнхийг “Дүү­хээ”
төвийн эзэн, “Майдар” бурхан бүтээхэд олон сая төгрөгийн хан­див өгсөн, “Дондогдулам”
кино хийхэд 30 сая төгрөг гаргасан, “Алтан сарнай” шинэ жилийн цэн­гүүнд 60 сая
төгрөг, Тусгаар тогтнолын ордон барихад 60 сая төгрөг өгсөн гэх мэтээр алгаа тоссон
болгонд мөнгө өгөөд бай­сан мэтээр  гүтгэж
байна лээ. Өмнө нь С.Батмөнх даргыг ажиллаж байх үед ч энэ мэт гүтгэлэг матаас хууль
хяналтын байгууллагуудад очиж, тэндээс нь удаа дараа шалгаж байсан боловч  энэ нь нотлогдоо­гүй. Гэтэл өнөөдөр ингэж батлаг­даад
нотлогдчихсон, гэмт хэрэгтэн мэтээр доромжилж байгаад харам­саж байна. Ер нь ажиллаж
байх хугацаандаа үр бүтээлтэй зах зээлийн 
үед маш оновчтой  бодло­го барьж ИНЕГ-ыг
амжилттай авч гарч чадсан. Гэтэл түүний ажил амжилтад хорсож атаархсан хүмүүс олон
байна. Үүний илрэл бол шинэчлэлийн Засгийн газраас түүнийг ажлаа өгөх өргөдлийг
нь бичүүлж аваад, оронд нь өөр ажилд  томилсон
ч  тэр ажлаас нь удалгүй халсан явдал юм.
Тэгсэн хэрнээ л одоо амраахгүй дахин давтан гүжирдэж, гүтгээд нотлог­доо­гүй, баримтгүй
мэдээллийг цацаад байна. Өмнө нь олон удаа хууль хяналтын байгууллага шал­гаад буруугүй
гэдгийг нь тогтоогоод хаасан зүйлийг дахин сөхөж гар­гаад нэр хүндийг нь гутаан
дором­жилж байгаа нь өс хонзон гэхээс өөр юу гэхэв. “Eagle” телевизийн нэвтрүүлгээр
хэд хэдэн хүн ярьж байна лээ. Тэр ярьж байгаа нөх­дүүд  Иргэний нисэхийн байгуул­лагыг төлөөлөх хүмүүс
биш.

-Нэгэнт ажлаасаа халагдсан байтал гүтгэлгийн шинжтэй мэдээлэл
цацаж байгааг юу гэж бодож байна вэ?

-Биднийг эргээд ажилд нь оруу­лах­гүй гэсэн үйл ажиллагаа юм.  Газар газраас цугларсан мэргэж­лийн бус хүмүүсийг
энэ албанд аваачсан нь шинэчлэлийн Засгийн газрын хамгийн буруу алхам бай­лаа. Ийм
мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаагаас болж сүүлийн үед ИНЕГ-т нислэг техникийн
зөр­чил, осол гарч байна. Иргэний нисэхийн байгууллагаар үйлчлүү­лэх зорчигч иргэдийн  амь нас аюулгүй байдлыг зөрчил нөхцөл байдал үүсч
магадгүйг төр засаг анхааралдаа аваасай. Өмнөх удирд­лагуудаа шоронд хийж, гүжир­дэж,
гүтгэж, улайхгүй худлаа хэлж, гутааж байсан бүдүүлэг байдал манай байгуул­ла­гад
өмнө нь гарч байсангүй.

 -70 гаруй хүнийг ажлаас
нь халахдаа ямар шалтгаан тайлбар өгсөн бэ?

-Ерөөсөө л дарамталсан. Ихэнх ажилтнуудыг авлигатай тэмцэх газар,
цагдаагаар айлган сүрдүүлж, “Чи хэдэн төгрөгийн 
мөнгө идсэн байна” гэх мэтээр аргагүй байдалд оруулж дарам­тал­саар байгаад
өргөдлийг нь өгүүл­сэн. Зарим нь энэ хүмүүстэй ажил­лаж чадахгүй болоод зайгаа барь­сан.
Намайг ч гэсэн мөн адил олон удаа өргөдлөө өг гэж шахсан. Намайг долоо хоногийн
дотор Мэргэжлийн хяналтын газар, Авли­га­тай тэмцэх газраар шалгуулж, улмаар “Чи
халагдах өргөдлөө бичиж өг, хэрвээ тэгэхгүй бол чамайг АТГ-т өгнө, шоронд хийнэ”
гэх мэтээр элдвээр дарам­талсан.

-Ажлаасаа халагдсан инже­не­рүүд хэдэн жил ажилласан хүмүүс вэ?

-Би ИНЕГ-ын захиргаа удирд­ла­гын хүний нөөцийн дарга болт­лоо
20 жил зүтгэсэн. Өмнө нь Батлан хамгаалах салбарт найман жил ажиллаж байлдааны  онгоцны нисгэгч хийж байгаад “МИАТ”-д ирж нисгэгч
хийж байсан. Эхний арван жилд царцаа ногоон онгоцны нисгэгч хийгээд сүүлийн арваад
жилд нь захиргааны ажилд томи­лог­дож ажиллаад 
халагдлаа. Энэ хугацаанд маш олон ажлыг ам­жилт­тай хийсэн гэж бодож байна.
С.Батмөнх дарга ч гэсэн ИНЕГ-т анх онгоцны моторын засварчнаас ажлаа эхэлж доод
шатны бүх албан тушаалыг алгасалгүй дам­жиж дарга болж байсан. Энэ сал­ба­рын цорын
ганц техникийн ухаа­ны доктор  шүү дээ. Мөнхжаргал
гээд нисэх онгоцны хөдөлгүүрийн инженер залууг бас халсан.  Алтан­цом гээд бас л 30 гаруй жил ажил­ла­сан
инженер бий. Энэ мэт олон жил энэ байгууллагад зүтгэсэн хүмүүсийг халаад байгаа
юм.  Бид­ний оронд томилогдсон 100 гаруй хүмүүсийн
дийлэнх нь бие даагч гишүүдийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд байх жишээтэй.
Яам­наас баталж өгсөн орон тооны дээд хязгаарыг хэтрүүлсэн энэ мэт үйлдэлд
нисэхийн салбарын жи­рийн ажилчид эгдүүцэн дургүйцэх нь зүйн хэрэг. Тэдний уур бухимдал
нэг л өдөр тэсэрч дэлбэрнэ шүү дээ. Ерөнхийлөгчийн яриад байгаа том төрөөс ухаалаг
төр рүү гэдэг уриалга энэ байгууллагад огт хэрэгжихгүй  байна.

 

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Мэндсайхан: Анх аяга угааж эхлээд дэвшсээр байгаад сүшиний тогооч болсон

АНУ-д ажиллаж байгаад эх орондоо ирээд түүхий
загас буюу сүшиний ресто­ран  ажил­лууж байгаа
Ц.Мэнджаргалтай ярилцлаа.

-Сүшиний ресторан нээ­гээд хэр удаж байна вэ.
Танай “Мико” ресторан хичнээн төрлийн хоол хий­дэг вэ?

-Хагас 
жил болж байна. 2013 оны зургадугаар сарын сүүлээр нээсэн. Манайх нэлээд
олон төр­лийн хоол хийдэг. Эхний ээлжинд тандалт маягаар хийж байгаа юм. Монголчууд
юунд дуртай байна вэ гэдгийг тандаж, судалж байна. Дан ганц сүши биш, үхэр гахайн
махан хоол­нууд бас байгаа. Янз бүрийн загасны зууш, түүхий салад гээд аль болох
хөнгөн чана­рын хоол­той. Цагаан сар дуусаад хоолны цэсээ өөрчлөх юм.

-АНУ-д ажиллаж байх­даа сүши хийж сурсан гэсэн.
Энэ талаараа ярих­гүй юу?

-Америкт япон хоолны газар ажиллаж бай­гаад сурсан
юм. Япон хүмүүс барагтаа бол хоолны­хоо нуу­ц, нарийн жороо зааж өгдөггүй. Буруу
харж хийгээд.  Би Америкт байдаг байх­даа
солонгосчуудтай ч ажил­лаж байлаа, япончуудтай ч ажиллаж байсан. Нэг газраа удаан
ажилласны хүчинд сүши хийх, хоол амтлах бүх аргыг сурсан.

-Монголчууд загасны махан хоолыг тэр бүр сонгож
иддэггүй шүү дээ?

-Манай гол, нууранд байдаг загаснууд нэг тийм
үнэртэй байдаг. Давстай усанд байдаг болоод тэр юм уу. Далайн загас ямар ч үнэр,
амтгүй.  Манай гурван найз орж ирлээ. Нэг
нь, би түүхий загас иддэггүй гэв. Тэгэхээр би хоолоо бэлдээд энэ түүхий загас гэж
хэлэхгүй ширээн дээр нь тавьчих­лаа. Тэгсэн ямар гоё амттай юм бэ гээд идээд байдаг
байгаа. Сая идсэн чинь түүхий загас ш дээ гэхээр, “Хөөх ийм гоё хоол байдаг юм уу”
гэсэн юм. Дуучин Дэлгэр­мөрөн манайд орж ирээд “Би түүхий загас иддэггүй. Японд
байхдаа би зөвхөн шөл уугаад, будаа иддэг байсан. Өөр идэх юм байдаггүй юм байна
лээ” гэв. Тэгэхээр нь аан за за гээд болсон загастай сүши бас түүхий загастай сүши
хийгээд  дунд нь тавьчихаж байгаа юм. Тэгэхээр
нөгөө хүмүүс маань бүгдээрээ л мэдэхгүй идчи­хээд ямар гоё хийсэн юм бэ гэж байсан.
Тэрнээс хойш манайд Дэлгэрмөрөн байнга орж ирж үйлчлүүлдэг болсон. Манайд ер нь
алдартай, олны танил хүмүүс их орж ирдэг. Дуучдаас рок Мөнхсайхан манай байнгын
үйлчлүүлэгч, “Эмошин”,  “Киви” хамтлагийнхан,
зохиолын дуучид бас орж ирнэ. Улс төрийн томчууд ч гэсэн их орж ирдэг. Хүмүүс сүши
гэхээр түүхий мах яаж  идэх юм гэж бодоод
байдаг. Тийм биш гэдгийг манайхаар үйлчлүүлээд мэддэг юм даа.

-АНУ-д хэдэн жил бол­сон бэ. Тэнд байхдаа ямар
ямар ажил хийж байв?

-Америкт очингуутаа япон хоол­ны газар ажилд орсон.  Хэл мэдэх­гүй учраас эхлээд аяга угаагч  хийлээ. Аяга угаана гэхээр хүмүүс амархан гэж
ойлгоод байдаг. Хэцүү ажил юм билээ. Рестораны олон аяга тавгийг хагалахгүй, хурдан
угаана гэдэг бол тийм ч амархан биш. Миний хувьд цагтай урал­даж ажилладаг байсан.
Хэдэн цагийн дотор энэ хэсэг ажлыг хийгээд дууссан байх ёстой, дараа­гийн цагт тэр
ажлыг хийгээд амжуулъя гээд хур­дан хөдөлдөг байсан.  Тэгээд долоо хоног ажил­лав. Долоо дахь өдөр манай
ресто­раны дарга дуудаад “чи их хурдан сайн ажиллаж бай­на, хоол руу орж ажилла”
гэсэн юм. Тэгээд гал тогоонд орлоо. Хэл мэдэхгүй ч гэсэн хүмүүсийн хийж байгаа хоо­лыг
хараад  хуулаад цээж­лээд байв. Арван жилийн
сургуульд  байх­даа хичээлээ хуулдаг хүүхэд
байсан. Муу зүйл гэж боддог байсан ч гэхдээ бас сайн талтай авьяас юм билээ. Нэг
хараад дуурайлгаад хийчи­хэж байгаа юм чинь. Хэл мэдэх­гүй ч гэсэн ингэдэг юм байна,
тэгдэг юм байна гээд сураад бай­сан. Хурдан сураад ажил­лаад байхаар дарга нар,
цуг ажил­лаж бай­гаа хүмүүс маань надад их сайн ханддаг боллоо. Япон хоолны газрын
хоолны захиал­гын 75 хувь нь сүши байдаг. Тэр олон захиалгыг олуулаа л хийхгүй бол
барахгүй шүү дээ. Тэгээд намайг дуудаж сүши хийхэд туслуулж эхэлсэн. Эхлээд би зөвхөн
будаа дэвсэж өгдөг байсан. Сүүлдээ ногоог нь арилгаж өгөөд, хэрчдэг болоод, будааг
нь тавьдаг болоод эхэлсэн. Тэгж ажил­лах­даа би сүши яаж хийдэг юм гэдгийг сайн
харж,  харсан юмаа бүгдийг нь тэмдэглэдэг
болов. Сүши хийж сурах хүрт­лээ бараг гарын авлага хий­сэн байсан. Тэгээд миний
дараа нэлээд сүүлд нэг мон­гол хүүхэд манайд ажилд орохоор нь би тэрэнд бичсэн тэмдэглэлээ
өгч байсан юм. Одоо бодоход тэр дэвтрийг 
хуулж аваад үлд­сэн бол сүши хийх сурах бичиг болохгүй юу.

-Сүши хийж сурахад хэцүү биз дээ?

-Хэцүү ш дээ. Сүшиг  маш иртэй хутгаар хийдэг. Ганц л буруу хөдлөхөд
гараа авна. Тэгээд хүмүү­сийн нүдэн дээр ажилладаг учраас хүн харж байхад гараа
эсгэвэл тэгээд баларна. Америкчууд чинь цуснаас аймар сэжиглэдэг. ДОХ зэрэг цусаар
халддаг өвчин их байдаг болоод тэр үү. Гараа зүсвэл ярвайхгүй­гээр огт мэдэгдэхгүй
л хойшоо орно. Хуруугаа боогоод ажил­ла­вал, хүмүүс чинь  би энэ боолттой хүний гараас хоол идмээр­гүй байна
гэж байгаа юм чинь. Тэгэхээр сүшиг хамгийн гярхай, хурдан хөдөлгөөнтэй хүн хийдэг.
Бас хүнтэй гоё харьцах ёстой. Хоолоо хийж байхдаа үйлчлүүлэгчтэйгээ юм яриад, заримдаа
цуг архи уух ч хэрэг гарна. Би Америкт байхдаа ганц­хан сүши хийж сураад зогсохгүй  бүх хоолыг сайн хийж сурсан. Ер нь өөрийн­хөө
идэвхээр л сур­сан гэж боддог юм.

-Хэл мэдэхгүй, дээр нь япон­чууд хоол хийх аргаа
заахгүй. Ийм нөхцөлд сүши хийж сурах­даа шантраагүй юу?

-Дунд үед нэг хаширсан. Өдөр­жин босоогоороо хүний
нүдэн дээр ажиллана гэдэг бас тийм амар байгаагүй. Нэг хэсэг ядраад. Хүмүүс ч “Чи
залуу байж өөр ажил хий. Хоолны газар цаг наргүй ажиллаж өөрийгөө зовоож яадаг юм”
гэж байлаа. Нээрээ л таксинд яваад, дуудлагын жолооч хийж, барилга дээр ажиллаж
болох юм байна гэж бодлоо. Тэгээд нэг сар барилга дээр ажиллалаа. Барилга дээр ажиллаад
бүтэхгүй юм билээ. Хүмүүс зав чөлөө ихтэй учраас архидаад. Зээл аваад авсан цалин­­гаа
өрөнд өгсөөр байгаад таарч байгаа юм чинь. Хэлгүй хүний хувьд ажлаа л сайн хийх
нь чухал. Ажлаа сайн хийж байвал бүх юмыг гартаа атгачихаж байна гэсэн үг. Тэгээд
барилга дээр байж бай­тал манай рестораны эзэн намайг дуудлаа.  Ажилдаа орооч, цалинг чинь нэмье гэсэн. Тэгээд
ажилдаа эргээд орлоо. Хоолны газар цаг урт ч гэсэн гэдэс цатгалан, гарын мөнгө их
авдаг. Гарын мөнгө их авдаг учраас сул зардлуудаа нөхчихдөг. Тэгээд сүүлд намайг
манай ресто­раны эзний найз ирчихээд манайд ажилд орооч гээд гуйгаад болдог­гүй.
“Манайд орчих. Би чамд  өндөр  цалин өгнө” гэсэн. Уг нь муухай л даа. Гэхдээ
надад мөнгө хэрэгтэй байсан учраас би явсан. Тэр рестораны бүх юмыг хийж  бэлдэж өгөөд Монголдоо ирсэн дээ. Америкт яг арван
жил хоёр сар ажилласан байна лээ.

-Хоол хийхэд чадвар байхаас гадна сэтгэл их хэрэгтэй
гэдэг. Ямар ч ажилд сэтгэл гар­га­хад илүү сайн болдог шүү дээ. Таны хувьд бүх зүйлд
тэгж ханд­даг юм шиг санагдлаа…

-Мэдээж сэтгэл маш чухал. Би хүний юман дээр ажиллаж
байгаа юм чинь гээд юмыг дутуу хийж үзээгүй. Бүх юмыг нь яг ёс журмаар нь хийж өгдөг
байсан. Эргээд үр дүн ч надад сайхан байдаг юм. Заримдаа манай ресторанд бухимд­сан
хүмүүс орж ирдэг л дээ. Аймаар ууртай орж ирээд хоолоо идчихээд гарч явахдаа маш
их баярлалаа гээд инээмсэглээд сэтгэл санаа нь сайхан болоод гараад явдаг юм. Тэр
үед их сайхан санагддаг. 

-Аливаа улс оронд хоолны төрөл, соёл хөгжиж байна.
Та Америкт байсан хүн. Монгол­чуу­дын хоолны соёлтой харьцуу­лахад их ялгаатай байх
даа?

-Жишээ нь гарын мөнгө өгдөг чинь уг нь маш зөв.
Тэнд зөөгч нарын цалин бага. Цагийн таван 
доллар. Таван цаг ажиллахад 25 ам.доллар авна. Харин арван ширээн дээр үйлчлэхэд
50 доллар авна. Тиймээс зөөгч хийж байгаа хүн мөнгө авахын тулд гоё үйл­чилж, соёлтой
ханддаг. Манай Монголын зөөгч нар хоолны цэсээ шидэж өгөөд, юу авахын гэж асуух­даа
уурлаад л. Уурлаж байгаа нь нүүрэн дээр нь илт байдаг. Дэл­гүүрт ороод юм авахад
ч гэсэн эвгүй  харьцдаг. Ялгаа бол асар их.
Бас муухай харьцаатай үйлчлүү­лэгч байдаг юм. 
Жишээлбэл, манайд хэд хэдэн хүн дараалаад орж ирлээ. Тэгээд бид эхний орж
ирсэн эмэгтэй рүү хараад “Сайн байна уу та, хэдүүлээ явж байгаа вэ” гэж асуухад
“Ганцаараа л явж байна ш дээ. Хардаггүй юм уу хаашаа юм, балай байх аа” гээд уурлаад
авах жишээтэй.  Иймэрхүү үйлчилгээний соёлтой
холбоотой зүйлүүд их байна. Хоолны төрөл, амт, чанар хөгжиж байна уу гэж асуулаа.
Үүнийг би байнга бодож явдаг. Одоо ялангуяа цагаан сар болох гэж байна. Манайхан
махаа гурилан­даа боогоод их иддэг. Баахан мах идэж идчихээд унтахад ямар байх билээ.
Харин манай хоолыг идээд  унтаад босоход бие
маш хөнгөр­сөн босч ирдэг. Тэгээд манай ний­тийн хоолны газрууд цайны газ­рууд бүгд
гуляш, нарийн мах гээд хэдхэн төрлийн хоол хийдэг. Бүх хоол  адилхан. Хажуу­даа нийслэл салад, будаа, төмс­ний
нухаш тавиад махыг нь жаахан өөрчлөөд өгчихдөг. Дээр нь зарим цайны газар маш бохир
санагддаг. Мон­гол хоолыг хөгжүү­лэх боломж маш их байна. Жишээлбэл, би Америкт
байхдаа “Чингэс хаан” нэртэй хоол хийдэг байлаа. Үхрийн махыг галаар шараад гоё
хоол хийдэг байсан. Загас иддэггүй Арабууд миний хийсэн хоолыг их иддэг байсан.
Нэлээд үнэтэй. Би нэг хэсэг өнгийн бууз хийж зарсан юм. Цагаан сарын өмнөхөн ягаан,
шар, ногоон өнгийн бууз хийж зарсан. Вандуй, улаан манжин, буурцаг ашиглаад ийм
өнгийн бууз хийж зарсан. 50 мянгаас дээш төгрөгөөр үйлчлүүлсэн хүмүүст 500 грм бууз
бэлэглэж байсан юм. Тэгсэн сүүл­дээ хүмүүс бууз их захиалж эхэл­сэн. Тэгээд сүүлдээ
сүшиний ресто­ран биш буузны ресторан болох гээд байхаар нь больсон.

Америк явахаасаа өмнө юу хийдэг байсан юм
бэ?

-Би уг нь оёдолчин хүн. Хувцас оёдог байлаа. Анх
“Уруулын будаг” хамтлагийн хувцсыг оёдог бай­лаа. Барилгачдын конбинзон оёдог байсан.
Суудлын бүрээс хийнэ. Тэгээд оёдлын чиглэлээр Америк явсан юм. Хатгамал хийдэг оёдлын
машин Монголд оруулж ирэх санаа­тай. Очоод мэдээж сул байхгүйн тулд ажил хийнэ.
Мөнгө­тэй болох гэж хоолны газар ороод тэндээ арван жил ажилласан бай­сан.

-Тэнд байхдаа хэр их мөнгө хурааж чадсан бэ. Энэ
ресто­раныг та худалдаж авсан уу, түрээсэлж байна уу?

-Түрээсэлж байна. Дараагийн­хийг нь худалдаж авна.
Түрээс учраас яс тооцоотой байхгүй бол болох­гүй. Би тэнд ажиллаж байх­даа  их юм сурсан. Миний ажиллаж байсан ресторан бас
түрээсийнх байсан. Тэнд өрнөөс огт айдаггүй. Монголчууд болохоор өртэй хүн өөдлөхгүй
гэдэг. Харин ч өртэй хүний толгой их хурдан ажилладаг юм байна гэж  бодсон. Уг нь нэлээд хэдэн жилийн өмнө ресторантай
болох байлаа. Тэр үед эхнэр  хүүх­дэдээ оюуны
хөрөнгө оруулалт хийгээд бололцоо гарсангүй л дээ.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Гурван охинтой. Эхнэр хүүх­дээ­сээ арван жил
тусдаа байсан. Хүүхдүүд маань жаахан байсан. Том охин маань сургуульд ороогүй байхад
би явсан юм. Дунд дахь гэдсэнд байсан юм. Ирээд багыгаа гаргасан.

-Одоо юу мөрөөдөж, юунд зорьж байна вэ?

-Зорилго 
их байна. Хамгийн түрүүнд “Мико”-г Монголдоо “Макдональдс” шиг брэнд болго­моор
байна. “Макдональдс” ч дэлхий даяар алдартай. “Мико”-г би дэлхий даяар биш юмаа
гэхэд Монголдоо алдартай брэнд газар болгомоор байна.    Би нэг чухал юм хэлье. Солонгос, хятад хүмүүс
Монголд хоолны газар нээхээр амттай ч байсан, амтгүй ч байсан япон, солонгосчууд
очиж хоол идэж, хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манайхан гадныхан гэхээр  хошуу­раад байх юм. Уг нь үндэснийхээ юмыг монголчуудаа
дэмжвэл зүгээр юм уу. Юм хийх гэж байгаа хүмүү­сээ муу хэлэхгүй. Дэмжээд өгөөсэй
гэж хүсдэг.

-Танай рестораны хоолны үнэ бусад япон хоолны
ресто­ран­аас харьцангуй хямд юм байна ш дээ.

-Хүмүүс орж ирээд тэгдэг л юм. Яагаад гэвэл, би
өндөр цалинтай тогооч цалинжуулаагүй, өөрөө бүх материалаа аваад хийдэг учраас тэр.
Дээрээ олон эзэнтэй, бас олон ажилтантай газар зардал ихтэй учраас хоол үнэтэй байна.
Гэхдээ одоо доллар өсөхөөр хэцүү болж байна. Анх яргай загасыг 29 мян­гаар авч байсан
бол одоо 46 мянга болж нэмэгдсэн байна. Дээр нь НӨАТ нэмэгдээд. Гэхдээ одоо бас
цаг сайхан болно гээд хоолныхоо үнийг нэмэхгүй байна. Эцэст нь хэлэхэд, хааяа ч
гэсэн  хөнгөн хоол идэж байгаарай. Хүмүүс
цагаан сар, наадмаар хүнгүй болдог гэдэг. Манайх харин ч хүнтэй байдаг. Баахан мах
идээд тэгээд хөнгөн чанарын хоол идэхээр манайхыг зорьдог байх гэж бодож байна.

-Солонгос, хятад хоолны газ­руу­дад мэргэжлийн
хяналтаас  шалгалт хийхээр маш ноцтой зөрчил
илэрч, бохир заваан бай­на гэдэг. Тэгсэн ч монголчууд их үйлчлүүлдэг. Та орж үйлчлүүлж
үзсэн биз дээ. Ямар санагдсан бэ?

-Би хараад мэднэ дээ. Ширээн дээр хоол тавихад
л за энэ ингэж л хийж дээ гээд мэднэ. Ямар ч байсан би идэж чаддаггүй юм. Тэгээд
гадныхан их муухай ш дээ. Би дөнгөж ирчихээд нэг удаа солонгос хоолны газар  найзуу­даараа орлоо. Тэгсэн солонгос эзэн нь цаана
сууж байна. Тэгсэн хэдэн хүмүүс бидний дараа орж ирсэн чинь тэр солонгос эзэн зөөгчийг
дуудаад сая орж ирсэн хүмүүс дунд солонгосчууд байна шүү гэж хэлсэн юм. Солонгос
хүн орж ирвэл арай өөр хоолоор үйлчилдэг юм шиг байна лээ.

Х.ЦЭНД-АЮУШ  

Categories
редакцийн-нийтлэл

Тарган ууцны мах 180-280 мянган төгрөгийн үнэтэй байна

-ХАМГИЙН ТОМ ТАРГАН УУЦ 400 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЧЭЭ-

Сүүлийн өдрүүдэд ууц­ны мах гүйлгээтэй бай­гаа гэнэ. Өнөө жил
цагаан сарын баяр эрт болох учраас иргэд бэлт­гэлээ базаагаад эхэлжээ. Өчигдөр
“Хүчит шонхор” зах дээр ууцны мах дунд­жаар 180-280 мянган төг­рөгийн үнэтэй
байв. Том сүүлтэй, 40 гаруй килог­рамм жинтэй тарган ууц­ны мах 280 мянган
төгрөг, арай дундаж нь 250 мян­ган төгрөг, жижиг нь 180-200 мянган төгрөгийн
үнэ­тэй байна. Ууцны мах худалдаж авч байгаа иргэд сүүл том хэлбэр сайтай
цэвэрхэн бэлтгэ­сэн мах байх шаардлагыг тавьж байв. Малчид ч ууцаа сарын өмнө
бэлт­гэж хөлдөөгөөд авчир­сан гэнэ. Бид хэд хэдэн ууцны мах ху­дал­даж байгаа
хү­мүүстэй уулзлаа. Өвөр­хангай айм­гийн Баян-Өндөр сумаас ирсэн мал­чин
А.Адьяасүрэн ийнхүү ярилаа. “Би өчигдөр ирсэн. Энэ жил цагаан сар эрт болох
учраас эрт орж ирлээ. Уг нь өнгөрсөн жил нэгдүгээр сарын дун­дуур, хоёрдугаар
сарын эхээр л хэдэн ууц аваад орж ирж байсан санаг­даж байна. Нийтдээ 60 ууцтай
ирсэн. Өглөөнөөс хойш арвыг зарлаа. Надтай цуг ирсэн ах хүү 30-ыг авчраад
өчигдөр зараад дууссан байна лээ” хэмээв. Түүнийг ийнхүү ярих зуур хоёр эмэгтэй
ирээд хамгийн тарган ууцыг зааж “Энэ хэд вэ” хэмээн асуу­хад “280 мянга. Доошоо
ярина шүү. Үзээд аваа­рай. Ууцаа хонины тол­гой­той нь цуг өгнө” хэмээ­хэд
нөгөө хүмүүс эргүүлж тойруулж, сүүлийг нь сайн шинжиж үзэв. Харин түүний өөдөөс
хараад зогсож байгаа худалдагч “Таана үнэртсэн мах аваа­рай. Сүхбаатар айм­гийн
тарган ууц байна. Үзээд ав. Хямдарна шүү” гэж дуулдлаа. Эднийд хамгийн үнэтэй
ууцны мах зарж байгаа гэнэ. Ланжгар сүүлтэй том ууц 450 мянган төгрөгийн үнэ­тэй
гэнэ. Доошоо яриад  400 мянган төгрөгөөр
өгнө гэсэн. “Хүчит шон­хор” зах дээр өчигдрийн хувьд энэ ууц хамгийн үнэтэйд
тооцогдож байв. Хажуугаар нь өнгөрсөн хүн бүрийн анхаарлыг татаж байгаа
бололтой “тэр ууц хэд вэ” гэж асууж байсан ч үнийг нь сон­соод зарим иргэд
“Хамаа замбараагүй үнэ хэлэх юм” гэж ундууцаж байсан бол зарим нь “Нааш нь
буулгаад ир дээ. Сайн харъя” гэж байв. Ерөнхий­дөө ууцны мах одоогоор элбэг орж
ирж байгаа гэнэ. Иргэд мөнгөндөө тааруулаад ууцаа  сонгон авч байгаа харагдлаа.  Тус зах дээр мах ямар үнэтэй байгааг сонирх­лоо.
Үхрийн мах бөөндөө 5300-5800 төгрөг, хонины мах 5600, ямааны мах 4000, адууны
мах 4200-4500 төгрөгийн үнэтэй байлаа. Харин үхрийн өвчүүний үнэ өссөн байв.
Өвчүү кг нь 6500-6800 төгрөгийн үнэтэй байлаа. 
Харин махны жижиглэн­гийн үнэ, хонины ястай мах 6800, цул мах 7000,
үхрийн ястай мах 7800, цул нь 9000, ямааны мах 5200, адууны мах 5800-6000
төгрөгийн үнэтэй байна.

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
редакцийн-нийтлэл

Африкийн ард түмэн монгол цэрэгт амь байлаа шүү дээ

БНӨСУ-д үүрэг гүй­цэт­­гэсэн хоёрдугаар мотобуудлагын ба­тальо­ны
захирагч ху­рандаа Ч.Түмэндэмбэ­рэл­­тэй ярилцлаа.

  -Бүгд найрамдах өм­нөд Судан улсад Мон­гол Улсын 850 цэрэг үүрэг
гүйцэтгээд ирлээ. Анх удаа Монгол Ул­саас ийм олон цэргийн бүрэлдэхүүн явсан байх
аа?  

-Энэ удаагийн
бидний үүрэг гүйцэтгэсэн газар бол Бүгд найрамдах өмнөд Судан улс байлаа. Мотобуудлагын
ба­тальон буюу нийт 850 цэргийн албан хаагчтай үүрэг гүйцэтгэлээ.

Зэвсэгт хүчний нийт 44 анги бай­гууллагын төлөөллөөс 21 аймгийн
нутаг дэвсгэр, Улаанбаатар хотоос бие бүрэлдэхүү­нийг сонгон шалгаруулж  батальон байгуулсан. Өнгөрсөн гуравдугаар сараас
өнөөдрийг хүртэл нийт есөн сарын хуга­цаанд үүргээ  амжилттай гүйцэтгэлээ. Энэ удаа­гийн батальоныг
удирдах эрхийг надад өгсөн. Цэргүүдээ эсэн мэнд эх оронд нь авчирсандаа сэтгэл өндөр
байна.

-Манай цэргүүд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

-НҮБ-ын энхийг дэмжих ажил­лагаанд Монгол Улс батальон оруул­на
гэдэг бол манай улс НҮБ-д нэр хүндтэй байгаагийн илрэл юм. Ямар ч улсын зэвсэгт
хүчин НҮБ-ын ажил­лагаанд батальон оруулахыг том зорилгоо болгодог. Монгол Улсын
зэсвэгт хүчин чадваржсаны илрэл. Батальон болгоны  үүрэг адилхан. Заасан газар нутаг дээр НҮБ-ын
өмч хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах, хүмүүнлэгийн маш олон байгуул­лагын үйл ажиллагааг
хэвийн байл­гах үүрэгтэй. Тухайн газар нутаг дээр тодорхой байрлалуудад хол, ойрын
эргүүлүү­дийг зохион байгуулж, НҮБ-ын дал­баа, сүр хүчийг харуулж, түүгээрээ ямар
нэг болзошгүй аюу­лыг няцаах үүргүүдийг хүлээдэг. Дээр нь орон нутгийн засаг захиргаа,
тухайн нутгийн цэргийн нэгж, цаг­даагийн байгууллагуудад дэмжлэг үзүүлнэ. Манай  батальон долоон газар, гурван мужийг хамарсан
нутаг дээр үүрэг  хүлээж, болзошгүй то­хиол­долд
энгийн иргэдийг шууд хамгаалах байсан.

-Цагийн байдал хэр хүнд бай­сан бэ. Эрсдэл өндөр байв уу?

-Цагийн  байдлын хувьд нэлээд
хүндэвтэрт тооцогддог. Ялангуяа НҮБ-ын  ажиллагаанууд
дундаа хамгийн эрсдэлтэйд тооцогддог газар бид үүрэг гүйцэтгээд ирлээ. Биднийг үүрэг
гүйцэтгэж байх үед маш олон удаа НҮБ-ын цуваа руу халдлага дайрсан. Биднийг очоод
арав хоноо­гүй байхад эхний халд­лага болсон. НҮБ-ын цуваа руу халдаж цувааны ахлагч
офицер хүнд гэмтэл авсан. Үүний дараа дөрөв­дүгээр сарын 12-нд дахиад НҮБ-ын цуваа
руу халд­сан. Энэ халдлагын улмаас таван цэргийн албан хаагч газар дээрээ нас барж,
долоон цэргийн албан хаагч шархадсан. НҮБ-ын цувааны урдуур мал орж ирээд хөдөлгөөн
саатах үед хажуу­гаас 200 орчим зэвсэглэсэн хүн гарч ирээд халдсан юм. Судан хилийнхээ
орчимд эрсдэл өн­дөр­тэй, цагийн байдал хүнд байгааг харуулж байгаа хэрэг. Хойд,
урд хоёр Судан Улс одоогоор асуудалтай, газрын тос, газар нутгаа булаацалдаж, хилийн­хээ
орчимд байнга мөргөл­дөөн зөрчилдөөн гардаг. Азаар монгол цэрэг халдлагад өртөөгүй.
Энэ нь бид тайван газар байсан гэсэн үг биш. Монгол цэрэг цувааныхаа аюулгүй байдлыг
маш сайн хангаж чаддаг. Болзошгүй аюулын эсрэг маш сайн арга хэмжээ авч чаддаг байсантай
холбоотой. Ялангуяа иргэн цэргийн харилцааны асуудалд монгол цэрэг маш сайн оролцдог.
Ер нь хаана ч тэр, монгол цэргүүд тухайн орон нутгийн  иргэдэд тусалж, дэм­жиж чаддаг. Сургуулийг нь
засахаас эхлээд шаварт суусан машинуудыг татаж гаргаж өгөх зэргээр маш олон зүйлд
нутгийн иргэдэд  тусалдаг байсан учраас  нутгийн иргэд бидэнд амь байдаг байсан. Тэд монгол
цэргээр бахархдаг. Энэ байдал  эргээд бидэнд
рүү ирж болзошгүй зэвсэгт бүлэглэл, халдлагуудыг няцаа­даг байсан байх. Хамгийн
гол нь бид хаа байгаа газраа усыг нь уувал ёсыг нь дага гэдэг байдлаар ханддаг байсан.

Нутгийн иргэдийн аж амьд­ралын талаар ярихгүй юу?

-Орон нутгийн хүмүүсийн амьд­рал туйлын хүнд. Тэнд үхэр бол бур­хан.
Үхэргүйгээр амьдрал явахгүй. Судан Улс эрт дээр үеэс үхэр мал­лаж, үхрээр амьдралынхаа
бүх харилцааг зохицуулж ирсэн байдаг. Жи­шээл­бэл, үхрээр эхнэр авна. Үхэр байхгүй
бол эхнэр авч чадахгүй. Хамгийн  ядуу хүн
багадаа л найман үхрээр эхнэр авах жишээний. Дунджаар 20-30 үхрээр, хамгийн дээд
тал нь 100 үхрээр эхнэр авна. Хүний амь юу ч биш. Эхнэр авахын тулд үхэргүй ядуу
иргэд хулгай хийнэ. Үхрийн хулгай маш их. Үүнээс бо­лоод хоорондоо зөрчилддөг. Тий­мээс
үхэр хариулж яваа хүүхэд, том хүмүүс бүгд буутай явдаг. Ака үүрчихээд л явж байна.  Үхрийн хул­гайнаас болж маш олон хүний амь үрэгддэг.

-Өдөр тутамдаа ямар хоол хүнс хэрэглэдэг вэ?

-Хоол хүнсний тухайд, хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл маш цөөхөн.
Зах дээр нь гурил тээрэмдээд зарна. Гурилаараа ма­найхаар бол гамбир хийж иднэ.
Эрдэнэ шиш тарина. Мах байна. Гэхдээ үхрийнхээ махыг зарахдаа эрхий хуруу шиг жижиглэж
хэрчээд уутанд хийж худалддаг. Тэр жаахан мах өдрийнх нь хоол­ны хэрэгцээ болно.
Голдуу мал аж ахуй  эрхэлдэг улс учраас сүрлэн
овоохойдоо амьдарна. Сүрлэн овоо­хой гэдэг нь манайхаар бол монгол гэр юм уу даа.
Гэхдээ тэр нь тэдний хувьд хаус гэсэн үг. Зарим талаараа мон­голчуудтай төстэй зүйл
байна. Үхрээ маш их хайрлаж, шумууланд хазуу­лахгүй байх бүх төрлийн арга хэм­жээ
авна. Урц овоохойдоо төл малаа оруулаад үхрийн баас буюу манайхаар аргалаа түлж,
утаа гар­гаж шумуулаас хамгаална. Баян айл маш олон үхэртэй. Үхрийн хулгай гарахад
мянгаар нь хулгай хийнэ ш дээ. Зарим айл 
мянга, хоёр мянган үхэртэй байдаг. Манай мужийн захиргаанд нутгийн нэг залуу
ажиллаж байсан. Тэр залуугийн аав нь дээр үед 3000 гаруй үхэртэй байсан гэнэ. Тэр
залуу “Одоо манай аав нэлээд өндөр настай болсон. 2000 гаруй үхэртэй. Би аав руугаа
долоо хоног бүр ярьдаг.  Манай аав зургаан
эхнэртэй. Би зургаан эх­нэрийнх нь хоёр дахь эхнэрийнх нь хүүхэд.  Манайх найман хүүтэй” гэж ярьсан юм. “Олон ээжүүдээс
гарсан хүүх­дүүд өсч том болоод  муудалцаж
үхрээ булаацал­дах уу” гэж асуухаар “Үгүй. Бид муудалцдаггүй. Манай аав маш ухаантай
хүн. Зургаан эх­нэрийн­хээ хүүхдүүдийг том болоод ирэхээр нь хооронд нь солиод солиод
өгчихдөг. Ээжүүд, хүүх­дүүдийг хооронд нь сольчихсон. Тэгээд том болоод ирэнгүүт
ээж нь хүүхдүүдээ хайрлана, хүүхдүүд ч хоорондоо эвтэй байдаг” гэж ярьж байсан л
даа. Африк тив өөрөө генераторийн эх орон шүү дээ. Мужийн нийслэл хот нь хүртэл
тоггүй. Хааяа зарим үйлчилгээний газрууд хэсэг хэсгээрээ генератор ажил­луулж тогоо
гаргадаг. Энэ улс үндсэндээ 2011 онд тусгаар тогт­нолоо оллоо шүү дээ. Засгийн газарт
ажиллаж байгаа хүмүүс, ардын чөлөөлөх армид байгаа хүмүүс өмнө нь бүгд зэвсэгт бүлэглэлд
байсан  хүмүүс. Тийм учраас боловс­рол байхгүй,
шугуйд ч юм уу хаа нэг газар байлдаж явсан хүмүүс дарга, удирдагч болсон байдаг.
Зэсвэгт бүлэглэлд байхдаа ямар гавьяа байгуулсан, хэдэн хүнийг устгасан гэдгээрээ
том генералууд болсон байдаг.

-Монгол цэргүүд эргүүлд хэр удаан явдаг байсан бэ?

-Ойрын эргүүл, удаан хугацааны эргүүл гэж байна. Ойрын эргүүл
хийхэд бол өдөртөө яваад буцаад ирдэг. 100 
орчим километр яваад ирнэ. Холын эргүүл долоо хоног, сараар  явна. Манай цэргүүд хүнсээ бэлдээд генератороо
ачаад  200-300 километр газар очоод тэндээ
түр байрлана. Тэндээсээ дахиад хэдэн тийшээ салаад бүх жижиг тосгон сум дээр очиж
ажилладаг. Ер нь манай цэргүүд Өмнөд Судан улсад маш их ажилтай, байнгын хөдөлгөөнтэй
байсан. Зөв­хөн нэг байрлалд байгаад байхгүй. Зарим өдөр нийтдээ арав орчим эргүүлүүд
явна. Явсан эргүүл бол­гоны араас захирагч санаа зовж, хөдөлгөөнийг нь хянаж байна.
Ард нь шуурхай хүчин бэлдчихээд ямар нэг байдлаар манай цуваа 30 мину­таас дээш
хугацаанд холбоонд орохгүй бол шууд дараагийн арга хэмжээнд ордог. Эргүүлд явсан
баг арван минут тутамд холбоогоо өгч байх ёстой. Тэдэн километрт тийм газар нутаг
дээр тийм хурдтайгаар хөдөл­гөөнөө үргэлжлүүлж байна гээд мэдээ өгнө. Дахиад л арван
минутын дараа энэ маягаар мэдээ өгнө. Хэрэв холбоо салаад 30 минут өнгөрвөл тэр
цуваа ямар нэг байдлаар асуу­далд орж гэж үзэн дараагийн арга хэмжээг авна. Магадгүй
отолтод орж халдлагад орсон байж мэднэ гэж үзнэ. Тийм учраас дараагийн шуурхай бүлэг
маш хурдан тэр цэргийнхээ араас хөтлөх ёстой.

-Үхрээ хариулж яваа хүүхэд хүртэл буу үүрээд явж байдаг гэсэн.
Идэх хоолгүй байж буу хаанаас авдаг юм бэ?

-Буу зэвсэг хаанаас авдгийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан
зэвсгийн наймаа байгаа болоод зэвсэг их байгаа нь мэдээж. Нэг өрхөд доод тал нь
хоёроос гурван буу байдаг. Сая биднийг үүрэг гүйцэтгэх хугацаанд НҮБ-аас зэвсэг
хураах ажиллагаа явуулсан. Иргэд зэвсгээ хураалгаж байгаа юм. Зарим хүн хураалгахгүй
зугтааж, тэрнээсээ болоод амиа алдах тохиолдол зөн­дөө гарсан л даа. Эсэргүүцэл
их байсан. Гэхдээ зэвсгийг нь хураалаа гээд сарын дараа юм уу маргааш нь дахиад
л зэвсгээ  үүрээд л явж байдаг. Тийм учраас
тэнд хүн үхэх юу ч биш. Өмнөд Судан бол тусгаар тогт­носон улсаас дэлхийн хамгийн
залуу улс юм. Улсынх нь нийслэл Жуба хот нь ерөөсөө хөгжөөгүй. Зургаан давхраас
дээш өндөр барилгагүй. Сүүлийн үед хөгжиж байна л даа. Газрын тосны маш их баялагтай.
Газрын тосоо олборлоод хойд Суданыхаа нутаг дэвсгэр дээгүүр дамжуулж далайгаар дэлхийн
зах зээлд гаргадаг. Ашгаа хуваах дээ­рээ хоорондоо их маргаантай бай­даг юм. Манай
цэргүүд дүрвэгсдийн лагер дээр үүрэг гүйцэтгэж байсан. Өмнөд Суданд байгаа хамгийн
том дүрвэгсдийн лагерьт манай цэр­гүүд үүрэг гүйцэтгэж байсан. Энэ лагерь нь хойд
Суданы хилд маш ойрхон. Хойд Суданаас хилээр дам­жиж орж ирсэн хүмүүс дүрвэгсдийн
лагерьт орж хоноглодог, тэндээсээ хоол хүнсээ базаадаг. Хүнс тараах­даа оочер­луулж
байгаад өгнө. Тэнд нийтдээ 100 орчим мянган дүрвэгсэд байна. Биднийг очсоны дараа
хэд хэдэн зэвсэгт мөргөлдөөн болсон. Манай цэргүүд тэднийг хамгаалсан. Зэвсэгт мөргөлдөөнөөр
шархдаж, тусламж гуйж ирсэн иргэдийг бид шууд байр руугаа оруулж хамгаал­сан даа.

-Сургууль барьж өгсөн гэсэн. Тэндхийн сургуулийн байр ямар юм
байх уу?

-Хүүхдүүд хичээлээ хаана хийдэг гээч. Модны сүүдэр дор. Нэг самбар
тавьчихаад хичээлээ заана. Сургууль нь хүрэлцээ байхгүй. Эмч хүрэл­цэхгүй. Зарим
нь сүрлээр хийсэн саравчин доор хичээлээ хийнэ. 
Бидний хувьд хоёр ч сургуулийг тохижуулж өгсөн. Бас НҮБ-ын баазыг барьсан.
200 орчим цэргийн бүрэлдэхүүн байрлах том баазыг хоёр сарын хугацаанд барьсан. Энэ
бүхэн нутгийн иргэдийн дунд монгол цэргийн нэр хүндийг өсгөж байгаа юм. Тэгэхээр
монгол цэргүүдийг үнэлэхээс яахав. Өнчин хүүхдийн асрамжийн газар бороо орохоор  усанд автчихдаг байсан. Тэр газрын хөрсийг нь
давхарлаж, 54 машин шороо асгаж, борооны ус орохооргүй болгоод гадна талаар нь далан
шуудуу татаж, тор хайс хийж өгсөн. Бороо орохоор  ус орж ирж, могойнд хүүхдүүд хатгуулж үхдэг байсан
даа.

 -Бороо тийм их ордог
юм уу?

-Маш их. Нэг өдөр 200 орчим машин шаварт суусан. Манайхан тэр
машинуудыг 48 цаг ажиллаж татан гаргасан. 
Би олон газраар явж байсан. Адилхан л бороо ордог. Гэхдээ Өмнөд Судан шиг
байхыг үзээгүй. Бороо нь хөрсөндөө шингэхгүй. Замын хоёр талаар хавтгайдаа ус болчихно.
Иргэд усан дотроо л амьдарна. Жаахан өндөр­лөг газраа нүүж ирээд буух хүмүүс байна.
Ус газартаа шингэхгүй нар гарвал агаарт ууршиж алга болдог байсан. Тэгээд бороо
орсны дараа өвс ургамал маш өндөр ургана. Байшингийн тааз шиг гурав дөрвөн метр
өндөр ургана. Могой, шумуул ихтэй. Маш их малер гарч байсан. Олон хүн малер тусч  нас барсан. НҮБ-ын цэргийн албан хаагчдаас зөндөө
олон хүн малер тусч нас барсан. Манай бүрэлдэхүүн өөрөө өөрсдийнхөө эрүүл мэндэд
маш сайн анхаарч, шумуулгүй байлгах бүх л аргыг хэрэглэж, утаа гаргаж, тос түрхэж
байсан. Аз болоход манай бүрэлдэхүүнээс малерын асуудал гараагүй. Жишээлбэл, сая
бидэнтэй үүрэг гүйцэтгэж байгаад бидний өмнө түрүүлээд буцсан гадны цэргийн албанаас
хоёр гурван цэрэг очсон хойноо нас барсан гэсэн. Малер далд хэлбэрт байсан учраас
мэдээ­гүй гэнэ лээ. Тиймээс бидний хамгийн чухал асуудал бол хүнээ эрүүл энх амь
насыг нь эрсдэлгүй байлгах юм. Миний хувьд 849 хүнийг эх орон ээж аав, хань ижилд
нь эсэн мэнд авчрах гэж есөн сар зүтгэж нойргүй хонох үе ч гардаг байлаа. Шөнө цэргүүдээ
хоёр, гурван цаг хүртэл амарч дуусах хүртэл нь унтдаггүй байсан. Ер нь ахалж байгаа
дарга маш их ачаалал авдаг.

-Үүрэг гүйцэтгэж байгаа цэр­гүүд маань эх орноосоо хол амаргүй  байсан байх. Тэр олон цэрэг хоо­рон­доо тараахгүй,
янз бүрийн ааш зан гаргана биз?

-Биднийг ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж байсныг биднийг ирэхийн
өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд гээд бүх л томчууд газар
дээр нь очиж үзсэн. Монгол цэргүүд зургаан цагт босоод орой 22 цаг хүртэл ямар нэг  байд­лаар цэргийн идэвхтэй үйл ажил­лагаанд хамрагддаг
байсан. Холын эргүүлд явлаа гэхэд долоо хоног, 14 хоног, сараар явна. Цаг агаарын
хүнд нөхцөлд ингэж явна. Эргэн тойронд нь урц овоохой шатаагаад, хулгай дээрэм,
буудалцаан болж байгаа тийм нөх­цөлд. Энэ нөхцөлд хүн ядрахгүй байна гэж байхгүй.
Үүрэг гүйцэтгээд явж байгаа хүмүүс гэр орноосоо хол. Ядрахаараа хүн л болсон хойно
уурлана шүү дээ.  850 хүнийг нэг хүн шиг  байлгана гэдэг хэцүү. Залуу гэр бүлүүд хоорондоо
муудал­цана. Нэг нэгнийгээ хардах сэрдэх юм гарна. Би хэлдэг байсан. Намайг утсаар
ярихгүй байвал сайн л явж байгаа юм байна гэж ойлго гэж гэрийнхэндээ хэл гэдэг байсан.
Ар гэрт нь зовлон гачигдал  тохиолдоно. Дуудаж
авчирч байгаад хэлэх гээд хэлж чадахгүй. Тэгээд ямар ч байсан хэлээд сэтгэл зүйд
нь дэмжлэг үзүүлж, ойлгуулдаг байсан.

-Ерөнхийлөгчийн хүүг явж бай­сан гэдгийг цэргүүд мэдэж байсан
уу?

-Манай цэргүүд бүгд мэдэж бай­сан. Ерөнхийлөгчийн хүүтэй мөр зэрэгцэн
үүрэг гүйцэтгэж байгаадаа их баяртай байсан. Гадныханд Ерөнхийлөгчийн хүү явж байсныг
нууцалж байсан л даа. Миний хувьд Ерөнхийлөгчийн хүүг их тэсвэр хатуужилтай, мэдлэгтэй
хүн байна гэж үнэлж байлаа.

Х.ЦЭНД-АЮУШ