Италийн
шигшээ багийн хөгжөөн дэмжигч Д.Мөнхбаатартай ярилцлаа. Тэрээр
“Евро-2012”-ын Польшид зохиогдсон зарим хэсгийн тоглолтуудыг үзээд ирсэн юм.
-Хөлбөмбөгийн
спортыг хэдийнээс сонирхох болсон бэ?
-1980
оноос.
-Хэдэн
настайгаасаа гэсэн үг үү?
-11 настай байхаасаа юм байна. Анх Зөвлөлт холбоот улсын
багийг дэмжиж байлаа.
Тэгтэл
1982 онд Италийн шигшээ баг дэлхийн аваргад түрүүлснээс хойш энэ багийг
дэмжих болсон. Тасралтгүй гучин жил дэмжиж байна.
-Та
сая Польшид очоод “Евро-2012”-ын хэсгийн тоглолтуудаас үзээд ирсэн гэсэн?
-Герман-Португал,
Итали-Испани, Польш-Орос гэсэн гурван тоглолтыг үзээд ирлээ. Зургадугаар сарын
9-17-ны хооронд.
-Ямар
шугамаар явсан юм бэ. Зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн үзэх гэж үү?
-Хувиараа
явсан. Хөлбөмбөг үзэх гэж л явсан. Гэхдээ тэнд түншүүдтэйгээ уулзах бизнес уулзалттай
байсан юм. Гэхдээ эхлээд тэмцээнээ үзчихээд дараа нь түншүүдтэйгээ уулзсан.
-Үзсэн
тоглолтуудаас мэдээж Итали-Испанийнх таны сэтгэлийг хөдөлгөсөн байх?
-Тэгэлгүй
яахав. Манай баг тоглосон юм чинь. Чин сэтгэлээсээ догдолж үзлээ. Энэ тоглолтын
дараа би Италийн Антонио ди Натали, Салватор Сирижи, Эмануэлл Жиачирини нартай
зургаа татуулсан.
-Алдартай
тамирчидтай зураг татуулахад хамгаалагчдаас нь эхлээд саад бэрхшээл их шүү
дээ?
-Хамгаалалтыг
нь давж гарч байж л тэдэнтэй уулзаж, зураг авахуулна ш дээ. “Би Монголоос
ирсэн. Чиний үнэнч шүтэн бишрэгч байна” гэж холоос италиар хашгирч анхаарлыг нь
татна. Тэгэхгүй бол зарим нь тоохгүй яваад өгч байгаа байхгүй юу.
-Та
ямар ямар хэлээр ярьдаг вэ?
-Англи,
итали, орос хэлтэй.
-Шигшээ
багийг нь дэмждэг болохоороо хэлийг нь сурсан уу?
-Ер
нь тэгсэн. Италийн багийн тоглолтыг үздэг болсон цагаасаа л итали хэл сурч
эхэлсэн. Италиар уншихдаа дунд зэрэг. Харин бага сага ярьчихна аа. Ямар ч
байсан алдартай тоглогчдыг тэр холоос дуудаад хажуудаа авчирчихсан шүү.
Төрийнхөө далбааг бариад “Үнэнч шүтэн бишрэгч чинь байна аа” гээд хашгирахад
ирж байгаа нь энэ гурав. Бусад нь утсаар яриад ч юм уу, эсвэл анзаарахгүй
тоохгүй байсан.
-Орос-Польшийн
тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдийн хооронд үймээн гарсан?
-Үймээнийг
тэр дор нь цагдаа нар дарсан. Үймээнд оролцогчдыг даралттай усаар шүршиж тарааж
байхыг нь харсан. Польшийн хотуудаас үндэсний үзэлтэй бүлгүүд цуглаад
тоглолтын өмнө оросуудтай үзэлцэнэ гэж байсан юм билээ. Би үймээнээс хол
байсан, болгоомжлоод. Польш, орос хөгжөөн дэмжигчид зодолдож эхлэнгүүт
хамгаалалтынхан цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг хаачихсан. Тэгээд намжингуут нь
үзэгчдийн тасалбарыг шалгаад дотогш оруулсан.
-Тоглолтын
дундуур Монголын далбааг харуулсан. Таны авч явсан далбаа зураглаачийн дуранд
өртсөн гэлүү?
-Итали,
испанийн тоглолтын үеэр би Италийн балиашгуудын дунд суусан юм. Балиашгууд
төрийнхөө далбааг хашлаган дээр эгнүүлээд тавьчихсан. Тэрэн дунд нь би
Монголынхоо далбааг тавьчихсан юм л даа. Түүнийг нь Монголын хөлбөмбөгийн
тайлбарлагчид тэмцээнийг шууд дамжуулж байхдаа анзаарсан байна лээ.
-Италийн
хөгжөөн дэмжигчид таныг Монголоос, ганцаараа ирсэн гэдгийг нь дуулаад юу гэж
байх юм?
-Их
сайхан хүлээж авсан. Зарим нь Монголд манай багийг дэмждэг хүн байдаг юм уу
гээд гайхаж байсан. Италичууд тоглолтын турш “Итали Испанийг даван гарлаа”
гэдэг уриагаа нэгэн дуугаар цэнгэлдэх хүрээлэнг доргитол хашгирч байсан шүү.
Нэгдмэл сайхан дэмжиж байлаа.
-Өмссөн
малгайн дээр тань “Итали” гэсэн бичиг байна?
-Би
итали хоол унд хэрэглэнэ. Шпагетти идэх дуртай. Итали дуу сонсоно. Машиндаа бол
байнга итали дуу сонсч явдаг, үнэнчээр. Сан-Ремогийн итали дууны наадмыг очиж
үзнэ гээд зорилго тавьчихаад байна. Энэ нь миний дараагийн бас нэг том
зорилго.
-Та
өмнө нь томоохон тэмцээний үеэр очиж шүтдэг багаа дэмжиж байв уу?
-Ийм
том тэмцээн дээр анх удаа очлоо. Өмнө нь Сери-А, Бундеслигийн тоглолтууд гээд
хэд хэдэн тэмцээнийг үзэж байсан.
-Хагас
шигшээд танай баг Германтай үзэлцэнэ. Энэ удаагийн Европын аваргад италичууд
яах бол?
-Багаа
аварга болно гэж бодож байна. Зургаан жил завсардлаа. Одоо түрүүлэх цаг нь
болсон. Би ирснийхээ дараа “ETV” телевизийн хөлбөмбөгийн нэвтрүүлгийн ярилцлагад
орсон юм, Ирланд-Италийн тоглолтын өмнө. Сэтгүүлч надаас энэ тоглолтод
италичууд яах бол гэж асуухаар нь 0:2-оор италичууд ялна гэж хэлсэн. Яг тэгсэн
шүү дээ.
Хагас
шигшээгийн тоглолтын хувьд ярихад, ер нь манай баг хамгаалалт сайтай.
Германчууд тэрийг нь мэдэх учир хүчтэй довтолгоогоор дайрах байх. Манайх ч
сөрөг довтолгоогоор хүчтэй “машинууд”-ыг зогсооно. Цаг сунгаж таарах байх.
Миний бодлоор 11-ээс өшиглөж, манай баг хожино. 2006 оны дэлхийн аваргад манай
баг германчуудыг нутаг дээр нь 2:0-ээр хожиж байсан удаатай.
-Танай
гэр бүлийнхэн бас хөлбөмбөгийн хорхойтнууд уу?
-Манай
эхнэрийг Б.Саранчимэг гэдэг. Бид хоёр 1994 онд “Барселона” Москвад ирэхэд
зорьж очиж үзэж байлаа. Манайх хоёр хүүхэдтэй. Бага нь одоогоор хөлбөмбөг
сонирхох насандаа арай хүрээгүй байна. Харин том нь хөлбөмбөгт тийм ч дуртай
биш шиг байна лээ.
-Та
хаана ажилладаг юм бэ?
-Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ компанид хэлтсийн даргаар ажилладаг.
-Польш
тэр чигээрээ хөлбөмбөгөөр амьсгалж байна уу?
-Тэнд
хөлбөмбөгийн наадам болж байна. Кивийн төв гудмыг хаагаад “Фанатын бүс” нэртэй
явган хүний гудамж болгочихсон байна лээ. Тэр гудамжинд гурван том дэлгэц
байрлуулчихсан, хөлбөмбөгтэй холбоотой худалдаа, үйлчилгээ гээд бүх юмтай.
Жинхэнэ наадам тэнд болж байна, дэлхийн бүх үндэстний төлөөлөлтэй.
-Найзуудаас
тань Италийг дэмжигчид байдаг уу?
-Байдаг.
Сая намайг Польшид очиход тэнд ажиллаж амьдардаг Цогтмандах гэдэг найз маань
тэмцээн үзэхэд их тусалсан. Польш-Оросын тоглолтыг түүнтэй хамт явж үзсэн юм.
Бас Герман-Португалийн тоглолтын тасалбарыг олж авахад тусалсан найз В.Түмэнжаргал,
герман найз Францдаа ч талархсанаа илэрхийлье.
-Тасалбар
авахад хэд орчим төгрөг болж байна вэ?
-Хоёрдугаар
зэрэглэл буюу дунд зэрэглэлийн тасалбар авахад 170 орчим мянган төгрөг болж
байна лээ.
-Тоглолтын
үеэр монголчуудтай таарсан уу?
-Таараагүй.
Тэнд амьдардаг монголчууд үзсэн л байх.
-Фанатууд
шүтдэг багаа өмгөөлөөд эсрэг багийн дэмжигчидтэй муудалцах нь бий. Танд ийм
юм тохиолдож байв уу?
-Бооцоо
их тавина аа. Бооцоогоо алдаж ч байлаа, авч ч байлаа. Найзуудаараа сууж хөлбөмбөг
үздэг болохоор муудалцаж байсан удаагүй ээ.
-Багаа
ялагдчихвал яадаг вэ?
-Сэтгэлээр
унаад гэр орондоо дуугаа хураачихна. Тэр байдал ганц хоёр хоног үргэлжилнэ дээ.
Тэгээд гайгүй болчихдог юм.
-Үнэнч
фанат байх хэцүү гэдэг. Зарим хүмүүс дэмждэг багаа солиод л байдаг?
-Нэг
багийг үнэнчээр дэмжсэнээр тухайн улсынхаа хэл соёл, дуу хуурыг нь хүртэл
мэдэрдэг. Би итали хэлийг хүнтэй харьцах хэмжээнд судаллаа. Эртний түүх соёлын
өвтэй Италийг бүхэлд нь сонирхдог. Би Ром, Венец, Флоренц гээд олон хотоор нь
аялж үзсэн. Италичуудын хувьд хөлбөмбөг бол шүтээн нь.
Нэг
сонин юм болсон ш дээ, сая тэмцээний дараа. Италийн алдарт тоглогч Алтобеллиг
явж байхыг нь хараад өөрийн эрхгүй нэрийг нь дуудаад хашгирчихсан. Гэтэл хүмүүс
түүнийг ерөөсөө таниагүй байсан юм билээ. Тэр бол 1982 оны дэлхийн аварга.
Багаа дэлхийн аварга болоход гоол оруулж байсан шилдэг довтлогч байсан юм.
Нэлээд хөгширчихсөн байна лээ. Гэхдээ тамирчин хүн юм болохоороо бас ч гэж
өөр байсан шүү. Хэдий тэр хүн өөрчлөгдсөн ч би шууд таниад хашгирчихсан. Тэгтэл
тэнд байсан гадаадын спортын сэтгүүлчид гайхаад л “Та дараа нь гарч ирэх
алдартай хүнийг бидэнд бас хэлж өгөөрэй” гэж байсан.
Манай
баг энэ удаагийн Европын аваргад 23 тоглогчтой байгаа. Тэднээс одоогийн байдлаар
18, 19 нь тоглочихоод байна . Манай баг бол одгүй, жигд тоглогчтой. Нэг хүнд
төвлөрөөд байдаггүй. Бүгд жигд ачаалал авдаг. Хэн нь ч хэнийг орлоод
тоглочихдог тийм л хөлбөмбөгчидтэй баг даа.
Д.ГАНСАРУУЛ