Categories
редакцийн-нийтлэл

Хурдан морины хүүхдээр дүүрсэн ӨЛЗИЙТИЙН СУРГУУЛЬ

“Өнөө
өглөөний байд­лаар манай сурагчдын гуч орчим хувь нь сунгаатай гээд чөлөө аваад явчих­сан” гэсээр Өлзийт хороо­ны 59 дүгээр сургуулийн захирал Д.Туяа биднийг угтлаа.

Энэ сургууль олон унаач сурагчтай гэдгээрээ бусад сургуулиас өөр. Бас багш нар нь сураг­чид­тайгаа “Сайн байна уу” гэхээс гадна “Морь хурдан уу” гэж мэндэлнэ. Д.Туяа захирал ажлаа аваад хэдхэн хонож бай­гаа гэнэ. Унаач хүүхдүү­дийн асуудлыг цэгцлэхгүй бол хүүхдийн сурч бо­ловсрох эрх зөрчигдөж, амгалан орчинд амьдрах нөх­цөл нь алдагдаад бай­­­гааг тэрээр ярьж бай­лаа. Ангиудаар ороод “Сайн байна уу. Морь хур­дан уу” гэвэл сурагчид өөдөөс нь “Морь хурдан” гэж л мэндэлдэг аж.

Тэрээр сургуулийн Нийгмийн ажилтнаасаа морины хүүх­дүү­дийн­хээ тоог асуух санаатай утас цохисноо “Аан, чи сунгаан дээр явна уу. Морь хурдан уу” гэж мэнд­лэх нь содон.

Өлзийтийн сургуульд 588 хүү­хэд сурч байгаагаас 87 нь хурдан морины унаач, 25 нь морь арчил­даг ажилтай гэсэн албан ёсны тоо дурдлаа.

“Дүнжингарав” ч юм уу, ямар нэг томоохон уралдааны өмнө энэ сургуульд энд тэндээс хүүхдүүд шилжиж ирдэг гэнэ. Гэхдээ түр хугацаагаар. Уяачид хурдан морио унуулахаар Төв аймаг, Багахангай, Багануур, Улаанбаатар гээд ойр хавийн газруудаас хүүхдүүд олж ирээд энэ сургуульд оруулна. Сургуулийн захиргаа хүүхдүүдийг авахгүй гэж цааргалах эрхгүй учир бүртгээд л авна. Саяхан наймдугаар ангийн нэг хүүхдийг уяач авчраад сур­гуульд суулгах гэтэл хувийн хэрэг нь зөрчилтэй байж. Ямар ч дүн бичигдээгүй, нэгдүгээр анги төгссөн гэх дүн, тодорхойлолт ч байхгүй байжээ. Энэ мэт сургуулиас зав­сард­сан, хичээлийн хоцрогдолтой гэж хэлэхэд багадах морины хүүхдүүдийг уяач нар олж ирнэ.

Тэгээд аль болох л нас, түв­шинд нь таарсан хичээл заадаг ч уралдаан, сунгаан гээд чөлөө аваад алга болох нь их. Морь унаж буй хүүхдүүдийн ихэнх нь амьд­ралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ядуу айлын хүүхдүүд. Ар гэрээ тэжээхийн тулд сард уяачаасаа 150 мянган төгрө­гийн цалин авна.

Унаач хүүхдээ идэх уухаар дутаахгүй, гутал, хувцсаар хангаж, ар гэрийнхнийг нь тэжээгээд явдаг сайн, нүнжигтэй уяач нар бий. Гэтэл унаач хүүхдийнх нь сурлагын хоцрогд­лын асуудлаар дуудаад уул­за­хаар өнөө хүүхдээ барьж аваад зоддог увайгүй, хэрцгий уяач нар ч байдаг байна. Энэ талаар ар гэрийнхэнтэй нь холбогдоод, учир байдлыг хэлэхээр өөдөөс загнаад, хүүхдээ хараадаг эцэг эхчүүд ч таарна. Тэд хүүхдийнхээ унаачийн цалинг уяачаас нь авна, хүүхдэдээ ганц чихрийн ч мөнгө үлдээхгүй. Ингэж хүүхдээрээ бизнес хийж, өөрсдийгөө тэжээлгэдэг аав, ээж олон байгаа гэсэн.

Морь унахаар ирж Өлзийтийн сургуульд орж байгаа хүүхдүүдийн хувьд сургууль, анги, танхим нь амралтын газар нь гэсэн үг. Хашаа хороо, жүчээ цэвэрлэх, хомоол зөөж, морь усалж, тэжээх, хөлслөх, алхуулах гээд борви бохисхийлгүй ажилладаг хүүхдүүд хичээл дээрээ ирээд ширээгээ дэрлээд, шүлсээ гоожуулаад нам унтана. Юун хичээл хийх манатай.

Хичээл дээрээ овоо гайгүй сууж байхаар сургуулийн гадна жийптэй уяач, эзэд нь ирээд дуудаад аваад явчихна. Өлзийтийн сургуулийн хичээлийн өдрүүд ийм янзтай л өнгөрнө.

Сунгаа нь дууссан бололтой морьдоо хөтөлсөн хүүхдүүд наа­шил­на. Захирлын өрөөний цон­хоор гадагшаа харвал их л чухал ажилтай гээд өглөө чөлөө авсан өнөө хүүхдүүд морио хөтөлсөн шигээ сургуулийнхаа дэргэдүүр өнгөр­нө.

Өдрийн ээлжинд хичээллэх сурагчид сургуулийн үүдэнд хэ­дий­нэ ирчихсэн хөөцөлдөн тоглоно. Тэд “Манай ангид морь унадаг зөндөө хүүхэд байгаа. Одоо тэд урд сунгаан дээр явж байгаа биз”, “Манай тавын “А”-д унаач хүүхэд олон байдаг ш дээ” гээд л бүгд унаач найзуудынхаа талаар ам булаалдан ярьцгаана.

Сунгааны газар руу очлоо. Морьдоо хөтөлсөн хүүхдүүдтэй уулзав. Өөрийгөө есдүгээр ангид сурдаг гэж танилцуулсан хүү “Эгч ээ, та морь үргээгээд байна. Холд” гээд аашилж байв. Жаварт хайруулж, харлаж, холцруутсан хацартай, үеийнхнээсээ нуруу намхан энэ хүү олон жил морь унасан гэнэ.

Хөвсгөлийн Рашаант сумаас ирсэн Н.Алтанбаатар гэх 13 настай хүүтэй танилцлаа. Хурдан морь унаад гурван жил болж байгаа аж. Энд өнгөрсөн арваннэгдүгээр сард ирээд 59 дүгээр сургуулийн тав­ду­гаар ангид оржээ. “Зун наадмаар, долдугаар сарын үед л нутаг руугаа явна даа” хэмээсэн Н.Ал­тан­баатар сард 150 мянган төг­рө­гийн “цалинтай”.

“Дүнжингарав” уралдааны өмнө нийт арваад сунгаа явагдахын сүүлчийнх нь өчигдөр байв. Морины хүүхдүүд “Ингээд сунгаа дууслаа. Одоо уралдаан үлдэж байна даа” гэлээ. Тэдэнтэй ярилцаад зогсохоор уяач, эзэд нь муухай хараад машинаараа тоос манаруулан эргэлдэж дургүй бай­гаа­гаа илтгэнэ.

Сургуулийн захиргаа Мон­го­лын морин спортын холбоо, Хүүх­дийн төлөө үндэсний газартай хамт­раад сургуульдаа унаач хүүх­дийн албан бус бүлэг байгуулах хүсэлтэй байгаа аж. Унаач хүүх­дүүд хичээлийн маш их хо­црогдол­той учир ердийн ангийн хүүх­дүүд­тэй хичээллэхэд хүндрэлтэй бай­даг байна. Тиймээс нас насаар нь ангилсан албан бус бүлэгтэй бол­бол хүүхдүүдийн боловсрол тодор­хой түвшнээр ахих боломж­той гэж байлаа.

Саяхан Морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав” урал­даан­тай холбогдуулан унаач хүүх­дүүдийн даатгалыг хийлгэж, хам­гаа­лалтын хувцас хэрэглэл тараа­жээ.

Ангийн чөлөөт цагийн хичээл, сургалтын үеэр сэдвээ өөрсдөө сонгох боломжтой байдаг. Хэрэв албан бус бүлэг байгуулагдвал хүүхдүүдэд хурдан морь, адууны талаар сонирхолтой, мэдээлэл өгөх хичээл оруулж болохыг сур­гуу­лийн захирал ярьж байлаа.

Тэрээр “Хамгийн гол нь унаач хүүхдүүдийн аюулгүй орчинд амьд­рах, уралдах нөхцөлийг хан­гах нь зүйтэй. Морины ажил хийдэг хүүхдүүд ямар их завгүй ажил­ла­даг гэж санана. Насанд хүрээгүй хүүхэд тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байна шүү дээ. Өнгөрсөн жил манай сургуулийн унаач хүүх­дүү­дийн дунд судалгаа явуулахад мориноос унаж бэртэж гэмтэж байгаагүй хүүхэд нэг ч гараагүй. Мори­ноос хоёроос гурван удаа унаж бэртсэн хүүхдүүд харьцангуй бага гэмтэлтэйд нь тооцогдсон” хэ­мээ­лээ.

Сургуульд дотуур байр байхгүй болохоор унаач хүүхдүүд уяачийнхаа гэрт амьдарна. Айлын адуу малыг мал­лаад зогсохгүй, хажуугаар нь ус түлээ зөөх, хашаа хороог нь янз­ла­хаас эхлүүлээд хийх ажил мун­дах­гүй. Тэгээд оройн хоолонд тавхан ширхэг буузаар өл залгана. Ингэж зовж зүдэрч олсон мөнгийг ээж нь хотоос ирээд аваад явчихдаг тохиолдол бишгүй байд­гийг сурагчид ярьж байлаа.

Сургуулийн хүндэт самбарт спорт, урлаг, сурлагаараа тэргүүл­сэн сурагчдын дунд морины хүүх­дийн зураг байна. Тэр сурагч Монгол Улсын 2012 оны шилдэг унаач хүүхэд болсноор ийн хүндэт самбарт зургаа тавиулжээ. 

Хэдий унаач хүүхдийн нийг­мийн асуудал хүндрэлтэй, бага балчраасаа хүнд хүчир ажилд нухлуулж, гэр бүлийнхнээ тэжээж байгаа ч тэднээр сургуулийнхан, үеийнхэн нь сүрхий бахархан “Манай тэр мундаг. Сайн унаач. Улсад олон айрагдсан” гэцгээнэ. Харин багш нар “Морины хүүх­дүүдийн нийгмийн байдал тун хэцүү байна. Мориноос унаад гэмтэх вий гэж сэтгэл зовнино. Хичээлээс байнга чөлөө авдаг болохоор сурлага муутай. Гэртээ байлгадаг уяачид нь янз бүрийн ааштай. Ер нь хүндрэл их байдаг. Үүнийг харьяа яам, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгуул­лагууд нь анхаарвал сайн сан” гэж захиж байсан юм.

Д.ГАНСАРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Туул гол дэлхийн хамгийн бохир долоон голын нэг гэгдэх боллоо

Дэлхийн эрүүл мэндийн бай­гуул­лага хамгийн их бохирдолтой долоон голыг нэрлэсэн байна. Манай Туул гол уг жагсаалтын тавдугаарт бичигджээ.

Судалгаанд “Туул гол нь Монго­лын нийслэл Улаанбаатар хотынх­ныг ундаалдаг ундны усны гол эх үүсвэр. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ гол эрс бохирдож, ширгэх аюул тулгараад буй. Хорт бодис, хог хаягдал, арьс ширний үйлдвэ­рүүдийн бохир усыг уг гол руу шууд нийлүүлдэг. Голын дагуух бургас, модод нь устаж үгүй болсон. Улаан­баатар хотын хөрс 90 гаруй хувийн бохирдолтой байгаа нь Туул голыг бохирдож, ширгэхэд нөлөөлж буй нэг хүчин зүйл болоод байна. Энэ голын загас жараахай ихээр үхэж үрэгдэж байгаа бөгөөд сав дагуух нутгуудад бохирдсон голын усны нөлөөгөөр шинэ зүй­лийн хорт ургамал хүртэл ургах болжээ” гэж дурдсан байна. Мөн Монгол Улсын нийслэл Улаан­баатар хотын усны бохирдол дээд цэгтээ хүрснийг тэмдэглэжээ.

Улсын маань нийслэл Улаан­баатар хот дундуур мяралзан урсч, олон сайхан дуунд мөнхөрсөн Туул гол маань өнөө бидний цагт ийн дэлхийд хамгийн бохир, хортой устай голын нэг гэгдэх боллоо. Өмнө нь энэ голын бохирдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр бишгүйдээ л бичиж, сайн санааны байгууллага, оюутан за­луус хавь орчных нь хогноос нь салгах ажлыг олонтаа л хийсэн. Холбогдох газрууд нь Германаас хэдэн минж авчирсан болоод л өөр олигтой зүйлийг хийхгүй байсаар улаанбаатарчууд бохир, хортой усаар ундаалж байгаагаа дэлхийд зарлачихлаа. Үүний цаана улс эх орны нэр хүндийн асуудал хөндөг­дөж, аялал жуулчлалаас олох орлогод ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй юм.

ДЭМБ-аас гаргасан энэхүү жаг­саал­тад орсон бохир голууд бол гол биш хог хаягдал, химийн боди­соор дүүрсэн бохирын цооног мэтийн л юмнууд байгаа юм. Ийм голуудын жагсаалтад Туул голоо оруулчихсан нь нэн харамсалтай.

ЧИТАРУМ ГОЛ

Индонезийн Читарум гол дэл­хийн хамгийн бохир голоор нэр­лэгд­жээ. 300 км урт Читарум голын бохирдол 1990-ээд оноос эхэлсэн бөгөөд тус улсын засаг захир­гаанаас хог хаягдлаас нь салгах кампанит ажлыг байнга явуулдаг ч иргэд нь хог хаягдлаа гол руугаа шууд хийчихдэг гэнэ. Энэ голыг цэвэрлэх зорилгоор Азийн хөгж­лийн банк, Дэлхийн банкнаас зээл тусламж, хандивыг тогтмол өгдөг ч ямар ч үр дүнгүй өнгөрсөөр байгаа аж. Читарум голын араас бохирд­лын хэмжээ­гээрээ  Австралийн Кинг гол оржээ. Энэ гол 400 гаруй км урт. Уул уурхайгаас болж энэ голоор хи­мийн хорт бодис урсдаг юм байна.

Жагсаалтын гуравдугаарт үйлд­­вэ­­рийн хог хаягдлаар дүүрч, бүрмөсөн хатаж ширгэх аюулд хүрсэн Италийн Сарно гол нэрлэгд­жээ.

АНУ-ын Миссиссиппи гол бо­хирд­лоороо дэлхийн дөрөвт ороод байна. Миннесота мужийн Итаска нуураас эх аван урсч, Мексикийн буланд цутгадаг энэхүү мөрөн нь 3779 км урттай. Уртаараа Миссури мөрний дараа ордог. Гэтэл жил бүр 1.5 сая шоо метр азотын бохирдол Мексикийн хоолойгоор орж ирд­гээс мөрний усны ихэнх нь бохирд­жээ.

Тавдугаарт манай Туул гол орсон бол зургадугаарт Энэтхэ­гийн Ганга мөрөн “жагсчээ”. Ганга мөрний бохирдлыг дуулаагүй, сонсоогүй хүн энэ дэлхийд үгүй байх. Хиндичүүд энэ мөрний усан дунд бүхий л амьдралаа өнгө­рүүлдэг гэхэд хилсдэхгүй. Ариун Ганга хэмээн домогт өгүүлэгддэг байсан Ганга эдүгээ хорт бодисоор дүүрч, урсацгүй болсноос өмхийрч, ганц ч загас жараахайгүй болоод байгаа юм. 

СОНХУА ГОЛ

2005 оны арваннэгдүгээр са­рын 3-нд Хятадын Жилиний хи­мийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас Сонхуа голд хи­мийн хорт бодис, их хэмжээний шатахуун асгарсан. Ослын хор хохирлыг одоог хүртэл арилгаагүй. Энэ орчмын газрын хөрс, голны ус одоо ч хортой хэвээр байгаа юм. Ийм болохоор дэлхийн хамгийн бохирдолтой долоон голын нэг болоод байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Энэ янзаараа бол байгууллагуудын хаягийг монгол, кириллээр бичүүлэх ажил талаар өнгөрөхөөр байна

Төрийн
болон хувийн хэвшлийн бүх
байгуул­лагын хаяг, зар суртал­чилгааг монгол, кирилл бичгээр болгох шийдвэр гарсан.
Ийм шийдвэр гар­га­­санд нийслэлчүүд
гэлт­гүй монголчууд бүгдээрээ анхаарал хандуулаад байна.
Анхаарлаа хан­дуу­лахаас өөр
аргагүй байдалд байгаа билээ,
бид. Нийслэлд үйл ажил­лагаа
явуулж буй албан байгууллагаас эхлүүлээд
захын нэг жижгэвтэр цай­ны газар гаднах ханан­даа буруу зөрүү бичсэн гадаад үгээр
чамирхдаг.

Бас хятад, солонгос, япон­чууд зоогийн газар, гоо сайхны газар, саун нээнгүүтээ л өөрсдийн ханзаараа хаяглачихдаг. Энэ бүхний цаана Мон­гол Улсын үндэсний то­дот­гол, манай нийс­лэ­лийн өнгө царай гундаад байгаатай хэн ч мар­гах­гүй. Гадаадын зочин ма­най нийслэлийн гудмаар ал­хаад Монгол Улсын үн­дэс­ний бичиг юу болох, биднийг ямар хэлээр ярьд­­гийг мэдэхгүй толгой нь эргэж мэдэх юм.

Энэ сарын 18-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хо­тын захирагч Э.Бат-Үүл холбогдох газрынханд энэ талаар үүрэг даал­гавар өгсөн байна.

Гудамж, талбай, бай­гууллага, аж ахуйн нэг­жүү­дийн хаяг, рекламыг шинэчлэх загвар, схез гаргаж санал болгох аж­лыг Нийслэлийн Ерөн­хий төлөвлөлтийн газар хариуцан хийх бол тө­рийн болон хувийн хэвш­лийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол, кирилл  бичгээр болгох ажлыг Захи­раг­чийн ажлын алба, дүүр­гүүдийн ЗДТГ хариуцан гүйцэтгэх аж. Нийслэлийн Засаг даргын үүрэг бол­гос­ноор энэ оны нэг­дү­гээр улиралд багтаан нийс­­лэлийн бүх албан байгууллага, баар цэн­гээний газар, зочид буу­дал, ресторан, цайны газар, авто засвар гээд үйлчилгээний газруудыг нэгдсэн стандарт бүхий хаягтай болгож, нүд эрээлж­лэм, дотоод га­даад холилдсон, буруу зөрүү бичсэн хаягнуудаас нь салгах нь.

Ингээд үүрэг даал­гавар хүлээж аваад буй байгууллагуудаар нь орж хаяг, зар сурталчилгааны самбарыг хэзээнээс со­льж, нэгдсэн стандартад шилжүүлэх гэж буйг со­нирх­лоо. Гэтэл энэ ажлыг хийж гүйцэтгэх газрууд нь ажлаа эхлэх нь байтугай ийм захирамж, үүрэг даал­гавар гараад хаана, хэн нь хэзээ хүлээж авс­ныг мэдэж байгаа юм ер алга, тоосон шинжгүй байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөлтийн газраас төрийн болон хувийн хэвш­лийн байгуул­ла­гуу­дын хаягийг монгол, ки­рилл бичгээр болгох аж­лыг хэрхэн эхлүүлэх та­лаар тодруулбал “Ма­найх ийм асуудлыг ха­риуц­даггүй. Наадах чинь Захирагчийн ажлын ал­ба­ныхны мэдэх зүйл. Бид гудамжны нэр, хашааны тоот бүртгэдэг газар” гэв. Харин Захирагчийн аж­лын албанаас “Байгуул­лагын хаягжилтын асууд­лыг Нийслэлийн Ерөн­хий төлөвлөлтийн газ­рынхан мэднэ. Бид зөв­хөн зарын самбарыг ха­риуц­даг” гэсэн хариулт өглөө.

Ингэхээр байгуул­ла­гын хаягийг шинэчилж, монгол, кириллээр бичих ажлыг ямар газар нь ха­риу­цаж хийх юм бол. Энэ хоёр газар нийслэлийн “Хангарьд” ордны зургаа, 11 дүгээр байрт тус тус байрладаг. Тавхан давх­рын дээр, доор байж ийм уялдаагүй ажиллаж бай­на.

Холбогдох албаны хү­нээс нь тодруулга ав­чих санаатай зааж өгсөн дарга, мэргэжилтнүүд рүү нь гүйсээр дээш, доошоо хичнээн холхисон гэж са­на­на. Сүүлдээ уцаар­лан­гуй байдлаар “Дахин, да­хин битгий эргэлдээд бай. Хэнээс асуухыг нь зааж өгсөн дөө” гэх юм.

Нийслэлийн гол аж­лыг зангидаж байдаг энэ газар ийм байдалтай л ажиллаж байна. Үүний­гээ “Ажлаа аваад удаа­гүй болохоор та байту­гай бид нар хүртэл хич­нээн алба, хэлтэс үйл ажиллагаа явуулж, ямар хүн ямар алба хашаад байгаа ч сайн мэдэхгүй л байна” гэж тайлбарлах юм. Ингэ­хээр Э.Бат-Үүл даргын хэлээд, яриад, уриалаад байгаа өнөө бүтээн бай­гуулалт, ши­нэч­лэл нь яаж хэрэгжих вэ дээ. Ийм байд­­лаараа бай­вал бай­гуул­лагуудын хаягийг мон­­гол, кирил­лээр болгох ажил талаар өнгөрөх нь байна шүү.

Харин бизнес эрх­лэг­чид, зоогийн газар, буу­дал ажиллуулж амьжир­гаагаа залгуулдаг жирийн иргэд Нийслэлийн Засаг даргын үүрэг даалгаврыг сайшаан хүлээж авч бай­гаа аж. Хотын төвд үйл ажиллагаагаа явуулдаг зоогийн газар, хувийн эмнэлэг, дэлгүүр хор­шоо­ны эзэд хаягаа монго­лоор, бүр уйгаржин мон­го­лоор бичихэд дүр­гүй­цэх зүйлгүй гэжээ. Гэхдээ одоо үед уйгаржин мон­гол бичгийг уншиж чадах хүн тийм ч олон биш учир компанийнхаа нэрийг уйгар­жинаар бэлгэ бол­гож бичээд ард нь компа­нийнхаа нэрийг кирил­лээр хүмүүст харагдахаар том, тод бичих санал гар­гасан байна. Харин ор­чуу­лагдах боломжгүй га­даад үгтэй, дэлхийд нэр нь түгсэн брэндийн нэр­тэй байгууллагын нэрийг монголчилбол тийм ч таа­тай харагдахгүйг спортын барааны худалдагч залуу ярьсан юм. Тэрээр “NIKE” гэвэл хэн ч хаанаас ч хараад манай дэлгүүрийг олоод ирнэ. Харин “Найк” гээд биччихвэл хүмүүс төөрөлдөнө. Энэ мэтээр зарим орчуулах бо­ломж­гүй, орчуулах шаард­лага­гүй олон улсад хүлээн зөвшөөрөгдчихсөн нэ­рийг тэр хэвээр нь үлдээ­хийг хүсч байгаагаа илэр­хийлсэн юм.

Хүнсний нэгдүгээр дэл­­­гүү­­рийн ойролцоо үнэт чулуу, дархны газ­рууд олон. Замын хойно, урд ийм төрлийн бизнес эрхлэгчид үйл ажил­ла­гаа­гаа явуулдаг. Тэрэн дунд хятад хаягтай хэд хэдэн дархны газар, үнэт эдлэлийн дэлгүүр бий. Хотын төвд гадаад хаяг­тай үйлчилгээний газар байх нь зохимжгүйг уулз­сан иргэд ярьж байлаа.

Мөн сүүлийн үед ху­вийн эмнэлгүүд олшир­сон. Тэдгээр эмнэлгүүд ихэвчлэн энгийн хүмүү­сийн мэдэхгүй анагаах ухаан, шинжлэх ухааны холбогдолтой нэртэй бай­гааг хэл шинжлэлийн ухааны эрдэмтэд буруу­шааж байна. Эрдэмтэд “Солонгос, хятад, япон, орос, украйн нэртэй зоо­гийн газруудын нэрийг орчуулбал их сайхан ут­га­тай, үг өгүүлбэр гарч ирдэг. Хаягуудыг шинэч­лэхдээ гадаад нэрийг орчуулах, монгол үгтэй дүйх маягаар шийдвэл болох юм” гэсэн санааг гаргаж байна.

Энэ мэтээр Улаан­баатар хотын хаягжил­тын тал дээр хөндөж ярих сэдэв олон байна.

Харамсалтай нь Нийс­лэлийн удирдах ажилт­нуудын шуурхай хуралдааны үеэр Э.Бат-Үүл даргын гаргасан үүр­гийг “цэргүүд” ийм бай­далтай хүлээн авч, идэвх­­­­гүй хандаж байгааг ха­ра­хаар нийслэл нэг хэсэг­тээ л эрээн мяраан хаяг, самбараасаа салахгүй нь.

Уг нь нийслэлийн төс­вийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруу­лалтын төсөл арга хэмжээ, барилга бай­гуу­ламжийн жагсаалтад хая­гийн асуудлыг бүрэн ший­дэхэд зориулж төсвийг нь хүртэл суулгачихсан юм билээ.

Д.САРУУЛ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Энхбаяр: Ардчилал хүчээ барж эхэлж байна

УИХын гишүүн Ж.Энхбаяр­тай ярилцлаа.

Засгийн газар сүү­лийн үед сайтуудын сэтгэгдлийг хянана, ка­белийн телевизийг хаана гэх мэтээр элдэв шийдвэр гаргах боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ер нь аливаа эрх ба­ригч хүчин олон нийтийн санаа бодол, хянал­таас ангид байхыг хүсдэг зүй тогтол байна уу даа гэж анзаарагддаг. Тэр жамын дагуу л үйл ажиллагаа болж байна. Гэхдээ нөгөө талаасаа хэвлэл мэдээ­лэл маань тодорхой хэм хэмжээгээ алдаж байгаа зүйл бас анзаарагддаг, бодит байдлыг хэлэхэд. Ялангуяа тэр коммент гэдэгтэй холбоотойгоор хүний хамгийн үнэт зүйл болсон эрх, нэр төр рүү халдах асуудал хэрээс хэтэрч байгаа. Гадна дотроос зохион байгуу­лалттайгаар Монго­лын нийгмийг хагаргах, бу­таргах, яс үндэс, шашин шүтлэгээр нь хооронд нь хуваах, нийгмийг тал­цуу­лах том хэрэгсэл болоод байна шүү дээ, хэвлэл мэдээлэл маань өөрөө. Юу анзаарагдаж байна вэ гэхээр Монгол Улс маань асар хүчтэй бут­рал, задралд орж байгаа нь гол аюул. Үндэсний аюулгүй байдал, монгол­чуудын язгуур эрх ашиг­тай энэ нь зөрчилдөнө. Нэг хувь хүний эрх чөлөөг дээдлээд нийтийн, нийг­мийн эрх ашгийг хойш тавьж ирлээ. Энэ нь зөв байна уу гэдэгт миний хувьд эргэлздэг болсон. Эрх мэдэл, мөнгөтэй, хүч­тэй хүний эрх ашиг нийг­мийн эрх ашгаас илүү тавигдаад байгаа нь бас аюул. Өнгөрсөн хориод жилд бид хангалттай туйл­ширлаа шүү дээ. Тийм болохоор үүнийг зохицуулах шаардлага аль ч нам, Засгийн газрын үед гарч ирж байна л даа. Тэр зохицуулалтын үүд­нээс Ч.Сайханбилэгийг ийм юм хийлээ. Гэхдээ энэ шийдвэрийн үр дүн гараагүй байна. Сайн муу нь жи­лийн дараа л мэдэг­дээд эхэлнэ дээ. Ардчил­лыг би хуулийг дээд зэр­гээр сахин биелүүлэх гэж ойлгодог. Өөрийнхөө бо­лон бусдын эрх үүргийн нэгдлийг л ардчилал гэж боддог. Энэ бол дур зор­гын, анарх биш. Дээд зэргийн сахилга бат, хууль сахих ёс. Бид сүү­лийн хорин жил нэлээд дур зоргоороо аашилц­гаалаа даа. Ардчиллаа ч сайн ойлгож, таньж мэд­сэнгүй. Нийгмээ­рээ л нэг иймэрхүү байдалд ор­сон. Тэрийгээ залруулах гэж оролдож буй нь энэ юм болов уу л гэж ойлгож байгаа. Би зөв талаас нь харж байгаа. Нөгөө та­лаас эрх баригчид дуу хоолой, хяналтаас хол байх гэдэг бас нэг санаа байгаа. Аль аль нь л бай­гаа юм.

Муу хэлүүлэхгүй гэсэндээ ийм арга хэ­рэглэж байгаа байх?

-Дөрөв дэх засаг­ла­лын түв­шинд өргөмжилж буй хэвлэл мэ­дээлэл маань хэн нэгэн эздээс хараат бус, мэргэжлийн сэт­гүүлзүй, баталгаа но­толгоотой баримтад үн­дэс­лэсэн байх юм бол бидний гоё яриад байгаа ардчил­сан нийгэм амьд явна.  Тэгэхгүй бол өнөөд­рийн ардчилал хулхи бо­лоод байна. Нөгөө тэгш эрх гэдэг нь байхгүй. Мон­голын нийгэм асар хүчтэй ялгаралд орж байна. Хууль тэгш үйлчилж ча­дахгүй байна, нийгэм баян ядуугаараа хувааг­даж байна. Өнгөрсөн хо­рин жилийн үр дүн туй­лын хангалтгүй харагдаж байна.

Бүтээн байгуулал­тын аж­лууд урагштай өрнөх хандлага ажиг­лагдаж байнаНийс­лэлд ч зоримог ши­нэч­лэлүүд хийгдэж байна. Гэтэл энэ бүгдийг танай намынханБидний эх­лүүлсэн ажлын үр дүн одоо л гарч байгаа нь энэгэх юм?

-Үнэн, үнэн. Ардчил­сан намын ажлын үр дүн жилийн дараа гарна. МАН-ын Засгийн газрын үед л хийгдсэн ажлууд сайнтай, муутай­гаа хамт одоо төгсгөлөө базаад дуусгаж байна. Тэнд бат­лагдсан бодлого, төсөв, хэрэгжүүлсэн аж­лууд өдийд үр дүнгээ өгч бай­гаа. Харин одоо АН бод­логоо гаргаж байна. Анх­ны төсвөө батлуулсан. Жилийн дараа эдний хий­сэн аж­лын эхний үр дүн гарна.

Ардчилсан намыг зарим улстөр­чидХэт шоу хийгээд байнагэц­гээж байна?

-За яахав дээ, үр дүнг нь харъя даа. Улсууд ярьж л байна. Ер нь сүү­лийн үед улс төрийн шоу гэдэг маань хаана хаанаа хэтрээд л байх шиг бай­на. Хэтэрч болно л доо. Улс төр чинь өөрөө бас хэтэр­хий жүжиг биш ээ. Бодит амьд­ралын тусгал байх ёстой болохоос биш жүжиг байж болохгүй. Өөр дүрд тоглочихоод гараад өөр хүн болох. Улс тө­рийн амьдрал сүү­лийн үед хэт шоу, жүжиг тал руугаа ороод байна уу даа гэж анзаа­рагдаж байна.

Хэд хоногийн өмнө аймгийн Засаг дарга нарыг Төрийн ордонд цуглах үеэр зарим аймгийн Засаг даргыг батламжлахтай холбогд­сон асуудал хөндөгдсөн?

-Бас л нөгөө хийрхсэн улс төр. Монголын ний­гэм дахин дахин хувааг­даж, задарч байна. Нийг­мээ өнгө мөнгө, шашин шүтлэг, нутаг усаар нь хувааж байна. Яваандаа энэ хуваагдал өрх гэр бүлийн түвшинд хүрээд байна. Нийгэмд асар хүч­тэй задрал явагдаж бай­на. Эрх барьж байгаа улс төрийн нам, улс төрийн хүчний удирдагчид, улстөр­чид маань үүнд маш их анхаарал хан­дуулж бодох ёстой.

Одоогийн нөхцөл бай­далд нийгмийн зад­рал гэдэг чинь томд­чих­сон үг биш биз?

-Бүхий л түвшиндээ Монгол задарч байна. Бүгдийг өнгө мөн­гөөр харж байна. Хайр дур­лал, найз нөхөрлөл, улс төр гээд бүг­дийг өнгө мөн­гөөр харж байна. Бид хүн ёсны олон үнэт зүй­лээ өнгө мөнгөнөөс ху­далдаж байна.

Өнөөдөр залуучууд гэр бүлтэй болоход асар хүнд байна. Гэр бүлээ аваад явахад хүнд байна. Нийгмийн суурь болсон гэр бүл бат бэх байж ту­хайн нийгэм тогтворж­дог. Гэр бүл дотор хүүхэд өсч бойжиж байж улс орны ирээдүй, боловсон хүчин, хүн бэлтгэгдэнэ.

Бүх түвшиндээ тийм алдагд­лууд гараад бай­гаа юм.

МАХНын дарга Н.Энх­бая­рын төлөө эмэг­тэйчүүд өлсгө­лөн зарлалаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Бас л нэг улс төрийн арга хэмжээнүүд ш дээ. Аливаа хүн итгэл үнэмш­лээрээ өлсөнө уу, жаг­сана уу тэр бүхэн нээлт­тэй л байгаа. Үүнийг улстөрчид нь хэрхэн за­луур­дах юм байгаа юм, ямар зо­рилгодоо ашиг­лаж бай­гаа юм, цаг хуга­цаа л бүхнийг тодорхой бол­гоно. Энэ бүхнийг бо­лох­гүй, бү­тэх­гүй муу муу­хай гэж яриад хэрэггүй. Сайн сайхан гээд сай­шаагаад хэрэггүй. Нийг­мийн жам ёсны үйл явдал, үзэгд­лүүд болоод л явж байна.

Монголын өнөөд­рийн улс төрийн өнгө аяс, хурдыг хэрхэн то­дор­хойлох вэ?

-Бид нийгмийн шинэ сонголт хийгээд хориод жил болчихлоо. Үндсэн­дээ шинэ Үндсэн хууль батлаад хорин жил бол­сон. Хорин жил гэдэг бол аливаа зүйлийг дүгнэхэд хангалттай хугацаа. Энэ удаагийн УИХ-ын онцлог юу гэвэл Монголын сүү­лийн хорин жилийн улс төрийн амьдралд бий болсон иргэний хөдөл­гөөн, үйлдвэрчний эвлэл, гудамжны жагсагч, улс тө­рийн намуудын төлөөлөл бүрэн бүрэлдэхүүнээр бүгд орж ирээд суучихсан УИХ. Хоёр, гуравхан сая монголчуудын дотроос гарах улс төрийн потен­циалиа шавхчихсан. Хо­рин жилийн амьдралыг шавхсан ийм их хурал буюу бүх төлөөлөл ороод ирчихсэн. Одоо үүнээс цааш гудамжны жагсагч байхгүй. Үүнээс цааш улс төрийн нам байхгүй. Үүнийг ард түмэн харж байгаа. Ард түмэн тэнэг биш. “За бүгд ороод ирлээ. Нөгөө Ганбаатар юу ярьдаг юм. Батзандан яах нь уу, Уянга юу ярь­даг юм, улс төрийн на­мууд нь яадаг юм” гээд бүгд хараад сууж байгаа. Айхавтар шүү дээ, цаа­дуул чинь ажиглаад сууж байгаа.

Нэг талаасаа эцсийн сонголт, цөхрөл байсан. Өөр гарц байхгүй. Энэ нам нь дээр юм уу гэх гарц байхгүй. Энэ иргэний хө­дөлгөөн нь зөв юм болов уу гэх гарц байхгүй. Бүгд л ороод ирлээ. Юм хийх бололцоог ард түмэн ол­гоод бай­на. Эндээс олиг­той үр дүн гарахгүй бол төрд итгэх нийгмийн итгэл асар хүчтэй суларна. Үүний дараа юу болох вэ гэхээр үеийн шилжилт, солилт болох болов уу гэж бодож байна. Бид нар олигтой байвал ураг­шилна, олиггүй байвал Мон­го­лын түүхийн тав­цангаас арчиг­дана. Өөр хувилбар байхгүй. Бие биеэ муулаад байх бо­лол­цоо байхгүй. Яагаад гэвэл бүгд төрийн эрх баригчид.

Монголын өнөөдрийн ардчи­лал, хорин жилийн нийгэм, бид дотроо хүчээ барж байна. Өөрч­лөлтөө хийхгүй бол хүчээ барж эхэлж байна. Хаана хаа­наа хүч нь суларч байна. Өндөр хаазтай баахан явсаар одоо урагшилж чадахаа болиод хоосон ээрээд байна. Шаварт суучихсан машин хоосон уухилаад л байдаг ш дээ. Бензин хийчихээд л ша­вар үсчүү­лээд л гишгээд байдаг. Гишгэх тусам доош ухаад л суугаад бай­даг. Яг л ийм байдалд байна. Ийм дүр зураг харагдаж байна. Эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал нь ч тэр. Тийм байгаа биз. Нэг л биш болчихлоо гэдэг мэдрэмж төрөөд байна. Эцсийн сонголтоо сая ард түмэн хийчихсэн. Бүгдийг авч­раад эндээ учраа ол гээд хий­чих­сэн. Одоо учраа олох нь уу, яах нь уу. Тэгэхээр одоогийн энэ УИХ туйлын их хариуц­лагатай байх ёстой. Нэг намыг сонгох асуудал биш, энэ хуралд байгаа 76-г бүг­дийг нь улс төрийн тавцангаас арчиж хаях ийм жилүүд ирж ма­гадгүй.

Та чоно агнадаг гэд­гээрээ алдаршиж байх шиг байна. Төрийн түшээ хүн ингэж амьтан алж болдог юм уу?

-Би ан хийсэн. Гахай, чоно буудсан. Яагаад гэвэл би монгол эр хүн. Монгол хүн морио унаад, буугаа үүрээд Монгол эх орондоо хаана ч явах эрхтэй.

Гэхдээ таныг хул­гайн ан хийсэн гээд бай­гаа шүү дээ?

-Бас л өрөөсгөл мэ­дээлэл. Гахай гэдэг амь­тан Монголд өргөн дэлгэр байдаг. Сум, багийн түв­шинд агнуур хийх квот нь хуваари­лагд­даг. Нэг бү­рийнх нь үнэ 45 мянган төгрөг байснаа зуун жа­ран мянга болсон. Хаана ч явсан мөн­гийг нь тө­лөөд буудах эрхтэй спорт агнуур. Гэтэл монгол­чуу­дын хам­гийн идэх дуртай тарваганы мах байна. Тарвага бол хориотой. Та энэ зун тарваганы мах идсэн үү.

-Үгүй.

-Хэрэв та тарваганы мах идсэн бол хууль бус үйлдэл хийсэн болж таарч байгаа байхгүй юу. Харин гахай бол ямар нэгэн хорионд ороогүй. Улаанбаатар хотод паа­лан­тай жорлонд сууж, хананаасаа халуун ус авч байгаа хүүхдүүд ангийн та­лаар ойлгохгүй ш дээ. Ноднин баахан чоно аллаа гэж шуугьсан. Улаан­баатарт өдөрт хэ­дэн зуун нохой алдгийг мэдэх үү. Өнөөдөр та орц руугаа ороход золбин нохой зөрөөд өнгөрөхөд эвгүйцнэ биз дээ. Энэ нохойг алаад өгөөч гэж захиалга өгнө. Гэтэл эз­гүй ууланд байгаа малчин гэрийг нь тойрон ульж, өмч хөрөнгө мал руу нь сүрэглэн дайрч байгаа чонын эсрэг гар мухар бол яах вэ. Хуучин цагт жил болгон зохион бай­гуу­лалттайгаар ан ав хийж тоо толгойг нь зо­хис­той хэмжээнд барьдаг байлаа. Өнөөгийн ний­гэмд энэ нь хаягдсан. Энэ бол амьдралд байх зайлш­гүй зохицуулалт байх­гүй юу. Тийм бо­лохоор тэр чоно гэдэг амьтныг ажлаа өгчихсөн ямар нэгэн албан ту­шаал­гүй Ж.Энх­баяр гэдэг хүн арилжааны төлбө­рөө төлөөд л спорт аг­нуур хийсэн шүү дээ. Ийм л зүйл болсон. Гахай алсан байна гээд ийм асуудал ярихаар буриад залуу гайхаж байгаа юм. Цас орлоо бол сумын залуус бүгд л буугаа үүрээд хойд хөвч тайга руугаа мордож байгаа ш дээ. Бүр тэсэн ядан хү­лээдэг байхгүй юу, монгол эр хүн. Тэр мэдрэмжийг хотын хүүхдүүд ойл­гох­гүй ээ.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Баярбат: Зайлшгүй шаардлага гарсан учир Төв аймгийнхан Ардчиллын төлөө саналаа өгсөн

Төв аймгийн Засаг дарга Д.Баярбаттай ярилцлаа.

 Таныг Төв аймгийн анхны ардчилсан Засаг дарга гэж хэлж болох уу?

-Бололгүй яахав. Төв аймгийнхан 23 жилийн дараа анх удаа Ард­чил­лын төлөө саналаа өгч, орон нутгаа удирдах эрх мэдлийг Ардчилсан хү­чинд олгосон ийм үйл явдал боллоо. Энэ бол түүхэн том өөрчлөлт гэж үзэж байгаа. Саяхан болж өнгөрсөн аймгийн ИТХ-аараа Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, тэр­гүүлэгчдээ сонгон тус тусын үүрэгт ажилдаа орцгоогоод байна. Өн­гөрсөн баасан гаригийн хуралдаанаараа бид 16 сумын Засаг даргаа то­миллоо. Цаг үеийн бай­дал, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас Засаг дарга нараа ийн яаралтай томилох шаард­лага гарч байгаа. Шүүх дээр маргаантай, иргэдээс санал хүсэлт гомдол ирсэн, хурал нь хуралдаагүй гэсэн шалт­гаанаар үлдсэн 11 сумын Засаг даргыг томилоогүй байна.

Хамтарч ажиллах багаа хэрхэн бүр­дүүлье гэж бодож бай­на вэ?

-Би өнгөрсөн дөрөв тав хоногийн дотор маш их ажлыг амжуулахын тулд багаараа зүтгэлээ. Ямар баг гэхээр, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид­тэй­гээ ирэх дөрвөн жилд Төв аймгийн эдийн засаг, нийг­мийг хөгжүүлэх хө­төл­бөрөө боловсруулж, хурлаараа батлуулаад хэрэгжүүлж эхэлж байна. Өөрчлөлт шинэчлэлийг авчрах залуу, эрч хүчтэй, шударгаар ажиллах ул­суу­даар багаа бүрдүүлэх ажил удахгүй хийгдэж эхэлнэ. Одоогоор нэг ч томилгоо, өөрчлөлт эх­лээ­гүй байна.

Бид Шинэчлэлийн Зас­гийн газрын бодлогыг орон нутагтаа хэрэг­жүүлнэ. Аймгийнхаа да­вуу талуудыг харсан олон тулгуурууд дээр орон нут­гаа хөгжүүлэх ерөнхий дүр зураг гарчихаад бай­гаа.

Нийслэлийг бүслэн байрладаг газарзүйн байр­лал, сумдад маань дэд бүтэц, зам харилцаа харьцангуй сайн хөгжсөн нь бидний давуу тал. Мөн олон улсын нисэх онгоц­ны бүтээн байгуулалт, аялал жуулчлалын чиг­лэ­лээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжинэ. Динозаврын музей, “Майдар сити” шинэ суурьшлын бүстэй болно. Төв аймаг тэр аяараа аялал жуулч­ла­лын том бүс нутаг болох юм. Үүнээс гадна бид 1.7 сая хүн амд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ хүр­гэнэ. Нийслэлийн төв­лөр­лийг сааруулах зо­рил­гоор Төв аймагтаа, Зуунмод хотдоо жижиг, дунд үйлд­вэрлэлийн тех­нологийн паркийг өөрс­дийн хүчээр бай­гуу­ла­хаар зорьж ажил­лана. Мөн “Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуу­лал­тын эхлэлийг тавина. Энэ мэт олон өөрч­лөлтийг бид мөрийн хөтөлбөрийн үндсэн чиг­лэлдээ тусгаад байгаа. Энэ бүгдэд мэр­гэж­лийн, төрийн захир­гааны ажилт­нуудаас гадна эх нутгаа гэсэн сэт­гэлтэй бизнесменүүд, биз­­несийн байгуулла­гууд­тай хам­тарч нээлттэй ажиллахаар бэлтгэж бай­на. 

Таны аав Х.Доржийг нутгийнхан анд­даг­гүй юм билээ?

-Миний аав насаараа багшилсан хүн. Ард тү­мэнд “Хөдөлмөрийн” Дорж багш гэдгээрээ та­нигд­сан. Манайх өнөр өтгөн айл. Би арван хүүх­дийнх нь долоо дахь нь. Аав минь 1967 онд Баг­шийн дээд сургуулийг төгсч Төв аймагт ирс­нээ­сээ хойш эндээ хөдөл­мөрлөж, үр хүүхдээ өсгөн бойжуулж, насан эцэс­лэт­лээ амьдарсан нутгийн хүн байгаа юм. Би аавынхаа мэргэжлийг өвлөж авсандаа баярлаж явдаг. Аав минь бидэнд “Хүнтэй муудаж болохгүй. Сайхан сэтгэлтэй явах ёстой. Юм хийж бүтээ, суралц” гэж сургаж үр хүүхдүүдээ хүмүүжүүлсэн.

Та нисэх загварын спортын мастерХүү­хэд байхдаа Төв айм­гийн нисэх загварын клу­бийн идэвхтэй сурагч байсан талаар тань дуул­сан юм байна?

-Эргээд харахад, би зургаа, долоохон настай байхаасаа л Төв аймгаа төлөөлж олон арга хэм­жээнд оролцдог хүүхэд байжээ. Намайг нэгдүгээр ангид ордог жил аймагт орос мэргэжилтнүүд ирж Соёлын ордонд бүжгийн дугуйлан нээхэд хамгийн түрүүнд бүртгүүлж орж байлаа. Тэгээд гуравду­гаар анги хүртлээ айм­гийн хэмжээний ямар л кон­церт, хүүхдийн арга хэм­жээ болно, бүгдэд нь бү­жиглэнэ. Төв аймгийн соё­л урлагийн арван хо­ногийн нээлтэд айм­гийн­хаа олон мянган хүүхдээс шалгарч орж байснаа март­­даггүй юм. Би ер нь хүүхэд байхдаа юм юманд идэвх зүтгэлтэй явжээ. Аймгийн тех­ни­кийн дугуй­ланд хичээл­лэж, есдүгээр анги хүрт­лээ УАШТ-д орол­цож, медаль хүртэж байв. Орос хэлний олон улсын “Бид Артек руу явна” тэм­цээнд багаараа түрүүлж, Төв аймгийн шилдэг су­рагчдын нэг болж явлаа. Төгсөх ангид байхдаа ч урлаг соёл, зохион бүтээх чиглэлээр олон тэмцээн уралдаанд оролцдог бай­сан шүү. Тэгээд 1988 онд Багшийн дээдийн Ерөн­хий техни­кийн ангид элсэн орж 1992 онд багш мэргэжлээр төгс­сөн. Хө­дөлмөрийн га­раа­гаа Төв аймгийн Тавду­гаар дунд сургуульд хө­дөл­мөрийн багшаар ажилд орж эх­лүүлсэн. 1993 онд тус сургууль байгуулагдахад би найм­ду­гаар анги буюу анхны төсгөлтийн ан­гийнх нь багш байлаа. Техник, тех­нологийн улсын олим­пиа­дад тү­рүү­лэх юмсан гэж ба­гаа­саа мөрөөддөг байс­наа тэгэхэд гүйцэл­дүүлж, ба­гаа дасгалжуулж манай аймгийнхан улсад тү­рүүл­сэн удаатай.

Багшилж байгаад хувийн сектор руу орсон байх аа?

-1995 онд “BSB сер­вис” компани надад ди­зайнераар ажиллах хү­сэлт тавьсан. Монголын анхны электрон барааны дэлгүүр “Элба”-гийн лого, эмблемийг зохиож, ту­хайн үеийн шилдэг техно­ло­гиор тохижуулж, хаяг, рек­лам, интерьер дизай­ныг нь хийж үнэлэгдсэн юм. Ингээд барилга архи­тек­турын чиглэлээр ажил­лах нь зүйтэй юм байна гэж үзээд “Дизарч” компанид дэд захирлаар ажиллах болсон. Зөвхөн интерьер дизайн, хаяг рекламнаас гадна ба­рилга, архи­тек­тур, бүтээн байгуулалтын чиглэлээр архитек­то­рууд­тай хам­тарч ажилласан минь маш их туршлага хуримт­луулах боломж бүр­дүүл­сэн юм. 2001 онд би “Декора” компаниа үүс­гэн байгуулж, саяхныг хүр­тэл үйл ажиллагааг нь эр­хэлсэн.

Та Ардчилсан намд хэзээ элссэн юм бэ?

-“Декора” компа­нийн­хаа ажлын шугамаар Төв аймгийн сумдаар явах шаардлага гарсан. Тэгж явахад нутаг орныхоо төлөө санаа зовох цаг болжээ гэдэг бодол төрсөн л дөө. Аймгийнхаа нэлээд хэдэн сумдаар явлаа. Тэр үед “Хүний төрсөн нутаг гэдэг өөр юм байна. Нутаг орондоо очиж ажиллаж, амьдрах ёстой юм байна. Нутаг орноо хөгжүүлье” гэдэг шийдвэрээ гаргасан. Тэ­гээд 2007 онд Ардчилсан намд элсч, 2008 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, Архуст суманд ялалт байгуулсан. Ажил­лах зарчмаа тэгэхэд л ойлгосон юм. Өмнө нь шүүмжлэгч, хөндлөнгийн байр сууринаас хардаг байсан бол намд орж, дуу хоолойгоо хүргэж, ажил хэрэг болгох талаас нь ажиллаж эхэлсэн.

Ардчилсан намыг сонгох болсон шалт­гаан тань юу байв?

-Би ерөөсөө л хүүхэд байхаасаа Ардчилал гэ­дэг ухагдахууныг ойлгож явсан юм билээ. Миний хамгийн үнэтэй зүйл юу юм бэ гэхээр юм үзэж сонирхох, зохион бүтээх, ямар нэгэн юм бүтээх гэсэн чин хүсэл. Энэ бүх­нийг хамгийн зөв утгаар нь хэрэгжүүлье гэдэг Ард­чиллын тогтолцоо нь зөв болохоор би энэ намыг сонгосон. Хувийн хэвш­лийн хүн болохоор яавч Ардчиллыг сонгох нь зүй­тэй гэж шийдвэр гаргаж ардчиллын төлөө явсан. Ингээд 2008 оны орон нутгийн сонгуулиар Архуст сумаас нэр дэвш­сэн.

Яагаад Архуст сум гэж. Энэ суманд ах дүүс, хамаатан садан тань байдаг юм уу?

-Аймгийн төв дээр нэр дэвших бололцоо олдоо­гүй л дээ. Тухайн үед Ардчилсан намаас “Хам­гийн хэцүү сум бол Архуст сум. Тэнд очиж нэр дэвш” гэсэн. Тэнд миний ямар ч хамаатан байхгүй, нэг ч таних хүн байгаагүй. Ийм л газарт очиж нэр дэвш­сэн. Намайг эхлээд очиход хэн ч хүлээж аваа­гүй. Иргэдтэйгээ уулзаад “Ийм юм хийж бүтээе. Орон нутгаа ингэж хөг­жүүлье” гэж ярихад хү­мүүс ерөөсөө нутаг ус гэж ха­маардаггүй юм билээ. Тэдэнтэй ярилцахад маш сайхан хүлээж авсан. Дөр­вөн жил тэдэнтэйгээ хамт ажилласан. Одоо тэд ми­ний төрсөн ах дүүс шиг л болцгоосон доо. Зовлон жаргалаа ярьц­гаана. Тэд­ний хувьд би жинхэнэ тө­лөөлөгч нь байж чадсан гэж боддог. Тэгээд би тө­лөөлөгчөөр сонгогдоод хоёр жил ажиллаад Төв аймгийн Ардчилсан намын хо­рооны гишүүн болсон. 2010 оны гу­равду­гаар сард аймгийн АН-ын дэд дарга болсон. Одоо чинь ажил хийсэн хүнийг үнэл­дэг цаг үе. Тийм учраас би намынхаа ажлыг сайн хийсэн. Тө­лөөлөг­чийн­хөө ажлыг сайн хийсний үр дүнд журмын нөхөд минь на­майг дэд дарга, орон нут­гийн сонгуулийн ерөнхий менежерээрээ сонгосон юм.Төв аймагт Ард­чил­сан нам гарч ирснийг бусад намынханСа­намсаргүй, тохиолдлын явдал боллоогэж тайл­барласан. Орон нутгийн сонгуулийн өмнө энэ аймагт Ардчилсан хү­чин гарна гэдэг нь су­далгаа, тооцоогоор мэд­рэгдэж байсан уу?

-Ард түмэн өөрчлөлт, ши­нэч­лэл хийх цаг нь болсон гэдгийг ойлгосон. Жишээл­бэл, би өөрийнхөө сонгогдсон тойргийг ярья л даа. Зуунмод хотын Баянхо­шуу баг бол миний төрж өссөн газар. Би эндээс гал голомтоо бадрааж, ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлснийхээ хувьд аймгаа сайн мэднэ. Баянхошуу багт зэх зээлийн харилцаанд ороод бүхэл бүтэн 23 жил өнгөрөхөд хүний төлөө ганц ч юм хийгдээгүй. Бүрэн бо­лол­цоо байсан. Би хүүхэд байхдаа худ­гаас хоёр арвын хувин бариад усаа зөөдөг бай­сан. Гэтэл одоо тэр бай­дал яг хэвээрээ л байна. Улс эх орны минь эдийн засаг хөгжчихсөн, бүх эрх мэдэл нь байхад хүний төлөө ямар ч ажил хийсэнгүй гэж бодож байгаа. Ийм зайлш­гүй шаард­лага гар­сан учир ард иргэд Ард­чиллын төлөө са­налаа өгсөн.

Сая Төв аймгийн За­саг даргын суудалд суух хү­мүүсийн талаар янз бүрийн таамаг гар­сан л даа. Айм­гийн АНын дарга Доржпү­рэвийг Засаг дарга болох гэж үзээд дэд сайдын сууд­­лаа чамласан ч гэх шиг янз бүрийн яриа гар­сан?

-Ардчилсан нам их шударга тогтолцоотой нам шүү дээ. Төв аймгийн Засаг даргыг сонгох үйл явц шударгаар л явагд­сан. Хэн нь ажил хийж чадах вэ. Уриа лоозон, бичиг цаастай ноцолдох биш, ажил хийх хүнд л аймаг орон нутгаа авч явах хариуцлагыг үүрүүлье гэ­сэн шийдвэр гаргаад нуу­цаар санал хураасан. Хоёр хүн өрсөлдсөнөөс би хорин төлөөлөгчөөс 15-ынх нь саналыг авч айм­гийн ИТХ итгэл хүлээлгэн, Ерөнхий сайд батлам­жилс­наар хариуцлагатай нэр хүндтэй ажлыг хүлээж аваад байна.

Тантай хэн өрсөлд­сөн юм бэ?

-Зуунмодын АН-ын дарга Ж.Цэндсүрэн өр­сөлдсөн. Миний хувьд энэ ажлыг ард түмэн маань ихийг хийгээсэй гэж ха­риуц­лага хүлээлгэсэн алхам болсон гэж бодож байна.

Таныг ажлаа хү­лээж авсан өдрөө архи­дан сог­туурч, агсам тавьж, эрүүл­жүүлэгд­сэн тухай зарим мэ­дээл­лийн хэрэгслээр мэдээлсэн. Тэр өдөр чухам юу болсон юм бэ?

-Энэ сарын 7-ны өд­рийн 15.00 цагт Ерөнхий сайд намайг батлам­жил­сан. Төв аймгийнхан анх удаа Ард­чил­сан Засаг даргатай бол­сон энэ үйл явдал бол ардчиллын тө­лөө гэсэн сэтгэлтэй бүх хүмүүсийн баяр байсан. Тэр өдөр оройн 18.00 цагт би аймагтаа ирээд хуучин Засаг даргаасаа ажил үүргээ хү­лээж авах санал тавиад 20.00 цаг хүртэл хүлээсэн. Хуучин Засаг дарга Тамгын газрын даргатайгаа орж ирсэн л дээ. Сайн өдөр бай­сан учир тамга хүлээж авах ёслол болсон. Тамга хүлээж авсныхаа хувьд энэ ёслолын дараа Онцгой комиссыг хуралдуулах үүрэг өгсөн. Тэр өдөр аймагт “Урга­цын баяр” болж байсан учир би шинэ Засаг даргынхаа хувьд баяр дээр очиж мэнд­чилгээ дэвшүүлсэн. Ингээд 21.40 минутын үед аймгийн Онцгой комиссын хурал эхэл­сэн. Энэ хурлаар онцгой бай­дал, цаг үеийн байдалтай холбоотой мэдээллээ сон­соод даалгавраа өгсөн. Энэ хуралд ХХАА-н дэд сайд Ц.Туваан байлцсан. 24.00 цаг хүртэл комисс хуралдаад тарсан юм. Тэгээд би харьж амарсан. Тэр өдөр ийм л үйл явдал болсон.

Гэтэл гүтгэлгийн чанартай мэ­дээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ асуу­далд тэвчээртэй хандсан. 7-ны өдөр бол тамга тэмдгээ хүлээж авах ёслолоо л хий­сэн. 10-ны өдөр 11 цагт Тө­рийн захиргааны ажил­чид­тайгаа ажил хүлээлцэх ёс­ло­лоо хийж байхад ийм мэ­дээ­лэл гарчихсан байсан. Энэ бол зохион байгуулалттай гүтгэлгийн чанартай юм бол­сон. Үүнийг шалгуулах нь зүйтэй гээд цагдаагийн бай­гуул­лагад хандаад хэрэг үүс­гэ­чихээд байгаа.

Тэр өдөр Төв аймгийн хэм­жээнд нэг ч хүн эрүүл­жүү­лэгдээгүй юм билээ. Ерөөсөө л улс төрийн зорилготой гүт­гэлэг байсан. 8, 9-ний өдөр би мөрийн хөтөлбөрөө боловс­руулж өрөөндөө бүтэн суу­сан. Ингэж увайгүй гүтгэн дором­жил­сон бүдүүлэг явдал гарсанд харамсч байна. Би тамхи ч тат­даггүй.

МАНын гишүүд архи­дан согтуурч эрүүл­жигд­сэнээ тань руу, АНд тохсон гэж сонссон юм байна шүү?

-МАН-аас аймгийн ИТХ-д  Эр­дэнэсантаас сонгогдсон төлөөлөгч согтуурч, агсам тавьж цагдаагийн газарт ба­ривчлагдсан юм билээ. Энэ талаар цагдаагийн газарт баталгаа нотолгоотойгоо тэм­дэг­лэгдчихсэн байх учир­тай.

Таныг Засаг дарга бол­сон эхний өдрөөсөө л аж­лаа эх­лүүлсэн гэсэн?

-Зуунмодын иргэддээ 50 кг-ын шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр олгох шийдвэрийг гаргалаа. Иргэ­ний танхимыг иргэддээ ойр­туу­лахын тулд захиргааны байрны хоёр давхарт байрлаж байсныг нэгдүгээр давхар руу шил­жүүлээд байна. Ингэснээр иргэд төрдөө дуу хоолойгоо хүргэх танхимдаа ямар ч саадгүй орж болох боломж­той болж байгаа юм. 

Та хэдэн оных билээ?

-1971 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн.

Гэр бүлээ танилцуулна уу?

-Эхнэр, гурван хүүх­дийн­хээ хамт амьдардаг. Эх­нэ­рийг минь С.Батсуу гэдэг. Хадам аав Х.Сага­раажавыг маань Төв аймаг даяа­раа мэднэ дээ. Эх барих эмэг­тэйчүүдийн эмч. Эхнэр маань айлын ууган хүүхэд. Бид 1992 онд гэр бүл болсон. Одоо гурван сай­хан хүүхдийн эцэг, эх болчихсон ийм залуучууд байна даа.

Ирэх жил Төв аймгийн 90 жилийн ой тохионо. Ойг тэмдэг­лэх комисс хэдийнэ байгуу­лаг­даад ажилдаа орчихсон гэл үү?

-2013 онд Төв аймгийн түүхт 90 жилийн ой тохиож буй. Энэ ойгоо тэмдэглэх том ажил Төв аймагчууд бидний өмнө байна. Зохион бай­гуу­лах комисс байгуулагдаад ажил­даа орчихсон. Энэ ойн баяр зөвхөн ЗДТГ, ИТХ-ын хүрээнд тэмдэглээд өнгөрөх баяр биш нийт Төв айм­гийнх­ны баяр учир ойгоо тэмдэг­лэхэд идэвх санаачилгатай орол­цоорой, бидний ажлыг дэмжээрэй. Ямар ч санал санаачилгыг бид дэмжих болно гэдгээ илэрхийлье.

Энэ ялдамд Төв аймгийн иргэд, сонгогчдодоо болон Монголын ард түмэндээ айлч­лан ирж буй 2013 оны шинэ жилийн баярын мэн­дийг хүргэж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Мобиком”-ын дэд захирал Б.Баатарзаяа: Бид ганц ч бүдрэх эрхгүй хүмүүс

Мобикомкорпорацийн маркетинг сурталчилгаа хариуцсан дэд захирал Б.Баатарзаяатай ярилцлаа.

-“Мобикомбайгуулагдаад 16 дахь жилтэйгээ золгож байна уу даа?

-Тийм ээ. 1996 онд байгуу­лагдсан.

-“Мобикомбайгуулагд­са­наар монголчууд гар утастай анх танилцсан. Тэр үед олон жил уулзаагүй ах дүү нартайгаа гар утсаар холбоо бариадУтсаар ийм амархан ярьж болдог гэж үү. Итгэмээргүй юмгээд уйлж бай­сан буурайг санаж байна. Монго­лын өргөн уудам нутгийг холбоо­жуулна гэдэг маш том бүтээн байгуулалт байсны зэрэгцээ энэ салбарт бүхний анхдагч байхад зовлон бэрхшээл бишгүйдээ тулгардаг байсан байх?

-Одоо  бид “Мобиком” гэдэг 1.3 сая илүү хэрэглэгчтэй, хүн болгон утсыг нь бариад хэрэглээ болго­чихсон компанийг л мэддэг боло­хоос тухайн үед үүсгэн байгуулж байсан хүмүүсийн зарим нь хэн ч мэдэхгүй, ирээдүйд ямар болох юм руу орж байгаагаа ч мэдэхгүй  ша­хуу л үйл ажиллагаагаа эхлүүлж бай­сан.

Намайг багад юун гар утас байтугай, гуч, дөчин айл амьдардаг нэг байранд дундаа хоёр, гуравхан суурин утастай байдаг байлаа. “Доод айлынхантай чинь ярья” гээд л дуудуулдаг. Нэг жишээ санаж байна. Манай эмээ, өвөөгийнх Төмөр замд бай­даг байлаа. Хамаа­тан нь Төв айм­гаас дөрвөн цагийн турш авто­бусаар яваад иртэл эмээ, өвөө минь байдаггүй. Тэр хүн орцны үүдэнд гурван цаг гаруй сууж бай­гаад “Ирэхгүй нь дээ” гэж бодоод буцаад явчихсан юм. Тэгэ­хэд би гадаа тоглож байсан. Тэгээд л бодохоор хүмүүс барьж явсан утсаараа хүнтэй ямар ч саадгүй холбогдоно гэхээр энэ бол маш том ажил л даа. Тухайн үед ийм хэмжээ­ний асуудлыг шийдээд түмний хэрэглээ болно гэсэн тийм өргөн нүдээр эхнээсээ харж байгаагүй юм шиг байна лээ. Засгийн газар, бизнесийн том­чуул л мөнгийг нь төлж аваад, зайлшгүй шаард­лагаар хэрэглэх байх гэдэг тооцоо байсан. Тэгээд яваад үзсэн ч жи­рийн иргэд тэр хэрэгцээг хүсэм­жилсэн хандлага гарч ирсэн. Бай­гаа юман дээр зах зээлийн судал­гаа авч, хэрэг­лэгч­дийн хэдэн хувь нь энэ үйлчилгээг хүсч, нэхэж байна гэдгийг гаргаж ирдэг. Байх­гүй юман дээр ийм таамаглал гаргахад хэцүү. Өрсөл­дөгчид ороод ирчихсэн, олуулаа болчих­сон ийм үед, зах зээлд ийм ханд­ла­га­тай байна, ийм зүйл хүсч байна гэдгийг тооцоолох боломж­той.

Цоо шинэ юм хийхэд тийм ба­рим­­жаа байхгүй. Өөрсдийн  таамаг­лал, ийм нэг зүйлд хүрчих юмсан гэсэл хүсэл л байдаг. Нөгөө талаар маш их эрсдэл. Сүлжээ байгуулна гэдэг чинь холбогдохгүй бол бай­гуулс­наасаа эхлүүлээд байж бай­гаа тэр байдал нь тэр чигтээ зардал болоод явчихдаг. Тэгэхээр анх энэ компанийг байгуулахдаа маш их эрсдэл үүр­сэн болов уу гэж боддог юм. Таван жилийн дотор 20 мянган хэрэг­лэгчтэй болох байх аа гэдэг тооцоо, таамаглал гаргаад л анх энэ бизне­сийг эхлүүлж байсан.

Тэгсэн чинь энэ таамаглал нь зөв байж уу?

-Тэгсэн чинь хэрэглэгчид нь 155 мянгад хүрээд. Тэр 20 мянган гэдэг нь яахав тодорхой ийм хэдэн хүмүүс хэрэглэх байх гэж бодоод гаргасан тоо. Тэгтэл өнөөх нь хуурай өвсөнд ассан гал шиг хур­дан тархаад хүмүүсийн дунд хэрэг­лээ болчихсон. Түүнээс хойш хэ­рэг­­лэгчдийн тоо нь жил ирэх бүр зуу, хоёр зуун мянгаар нэмэгдсээр одоо сая гурван зуун мянгад хүр­чихээд байна. Хүн амын 90 гаруй хувь нь гар утас барьдаг гэсэн статистик судалгаа гарсан байна лээ.

Одоо эргээд харахаар гадны орнуудад суурин утас айлуудад байж л байдаг юм. Харин монгол­чууд дэлхийн шинэ технологийг бусад улсуудтай зэрэгцээд хөг­жүүлж чадсанаараа жишээ нь манай гэрт л гэхэд суурин утас байхгүй. Хүмүүсийн хувьд гар утас өдөр тутмын хэрэглээ нь болчих­сон. Анх гар утас хүмүүсийн хэрэг­лээнд нэвтэрч байх үед хотын хүмүүс зурагтаар харчихсан боло­хоор мэдлэгтэй байсан.  Харин хөдөө орон нутаг руу сүлжээ та­виад яваад ирэхээр борлуулал­тынхан хүмүүст гар утас гэдэг зүйлийг хэрхэн ашиглах талаар зааж өгдөг ажилтай байв. Улаан товчлуур дээр нь дарахаар тасар­даг юм, ногоон дээр нь дарахаар ярьдаг юм гээд л (инээв).

Тэгээд үүнийг чинь хөгжүүлнэ гэхээр сүлжээ гэдэг зүйлийг босгож ирнэ. Эхний жил нэг антенн бос­гоно. Дараа нь дахин нэг антенн гээд л явсан. Тэгээд л явж байтал үйлчилгээний салбар гэдэг зүйл хэрэгтэй юм байна гээд төв маань боссон. Салбар байгуулах энэ үйлчилгээний ажлыг “Мобиком” анх үүсгэж байлаа. Охидыг сайхан хувцаслаж  суулгаад л. Хүмүүс чинь юм харах гэж л орж ирнэ. Утасны  хэрэгцээний далимаар цоо шинэ нэг үйлчилгээ орж ирсэн. Ингээд цааш нь хүмүүстээ яаж үйлчлэх гээд Call center гэдэг юмыг бас анх гаргаж ирсэн. Энэ үйлчил­гээгээр хөдөө орон нутгийн хэрэг­лэгчид­тэйгээ харьцаад эхэлсэн. Шинээр гарч ирж байсан болохоор хүмүүст асуух юм их гарна. Зөндөө их хөгтэй юм сонсогддог л байлаа.

Сүлжээн дээр борлуулалт хийж байсан хүмүүс энд тэндээс дууд­лага авна. “Ах аа, эгч ээ, би ээжээсээ төөрчихлөө. Ээжтэйгээ ярих гэхээр нэгжгүй байна. Нэгж өгөөч” гэж ярина. Үйлчилгээн дээр сууж бай­гаа залуус компанийн нэгжээс зөвшөөрөлгүй явуулах эрхгүй. Тэгээд өөрийнхөө утаснаас нэгж шилжүүлэхээр дараа нь “Их баяр­ласан шүү” гэж урмын үг хэлнэ.

Одоо ч иймэрхүү зүйл то­хиолд­дог уу?

-Ойрд сонсогдсонгүй. Хөдөө төөрчихсөн, машин нь хээр эвдэр­чихсэн хүмүүс манай call center рүү холбогдож тусламж авч байсан тохиолдол зөндөө. Иймэрхүү то­хиолд­луудыг бүртгэж цуглуулсан тэмдэглэлийн дэвтэр байсан. Зари­мыг нь уншиж байсан юм байна.

Энэ чинь нөгөө талдаа юу хэлж байна гэхээр компани гэхээсээ илүү бизнесийг удаан хугацаанд хөгжүүлэхийн тулд ийм ёс сурта­хууныг барих ёстой гэдэг нь манай үндсэн тулгуурын нэг. Тухайн үед хөрөнгө оруулагчид ч үүнийг зөв харж байсан байх. Энэ бизнесийг чинь зүгээр л хамгийн хямд зард­лаар босгож ирээд л үр ашгийг нь авна гэдэг юм байхгүй гэдгийг сайн ойлгосныхоо хүрээнд, гадны хө­рөн­гө оруулагчидтай хамтарсан. Бид өөрсдөө шинэ юм зохион бүтээнэ гэдэг чинь хэрэггүй, цаг нар зарсан юм их байна. Аль хэдийнэ хөгжсөн юмыг оруулж ирэхэд сайн хувиргах, суурьшуулах ёстой. Тэр утгаараа Японы хөрөнгө оруулагч “Sumitomo” компанийг оруулж ирсэн. Японы үүрэн телефоны зах зээлийн хоёрдогч том компани “KDDI”-ийг бас хөрөнгө оруу­лаг­чаар оруулаад Монголын талаас “Ньюком” компани нэгдэж гурвуулаа энэ компанийг босгож ирж байлаа. Бизнесээ тэр үед л буруу хийсэн бол өдийд ийм компани байхгүй байсан. Тэгэхэд юуг зөв хийсэн бэ гэхээр оруулсан хөрөнгөө зөв хэмжиж, ашигт ажиллагаанд хя­налт тавьж чаддаг туршлагатай “Sumitomo” гэдэг компани, нөгөөх нь үүрэн телефон ингэж хөгжиж, ингэж явдаг юм шүү гэдэг хөгжлийн хандлагыг мэддэг “KDDI” компани байсны хүчинд бид зөв замаар нь өдийг хүртэл авч ирсэн болов уу гэж боддог.

Гадаадын хөрөнгө оруу­лалт­тай компанитай байгуулахад тухайн үед нийгэм болоод төр засаг, ард түмэн хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Чөлөөт зах зээл рүү шилжиж байсан үе шүү дээ. Монголд хувийн бизнес хөгжих гэдэг зүйл дээр хэнд ч, ямар ч мэдэгдэхүүн байгаагүй. Засгийн газраас сайн дэмжсэн болов уу гэж боддог. Тийм боло­хоор удаан хугацаанд хөрөнгө оруулагчдын бүтэц нь явж ирсэн. Дэмжлэг маш сайн байсан гэж дүгнэж байна. Ард түмэн гадны хөрөнгө оруулагч гэдэг талаас нь биш цоо шинэ юм, шинэлэг үйлчил­гээ гэдгээр нь хүлээн авч байсан.

Манайх шиг хөгжлийн явцдаа яваа, потенциал ихтэй улс хөрөнгө оруулах таатай нөхцлийг хангаж байх нь зүйтэй болов уу гэж боддог.

Хэдэн суманд сүлжээгээ оруу­лаад байгаа вэ?

-361 хот, суурин, аймаг, сумд сүлжээгээ хүргэчихсэн. 1996 онд нэг антенн босч байжээ. Дараа жил нь хоёр антенн гээд  эхний таван жилдээ найман антенн босгосон. Тэгээд жил ирэх бүр босгох антен­ны тоо нэмэгдсээр маш хурд­тайгаар явж зөвхөн 2008 онд л гэхэд 115 сүлжээ оруулсан байдаг. Түүний өмнөх жил 50 сүлжээ оруул­­­сан байна. Зарим жил хэрэг­лэгчдийн тоо 200, бүр 300 мянгаар нэмэгдэж ирсэн байдаг юм.

-“Мобикомбол салбартаа анхдагч. Та дээр ч нэлээд дурд­лаа, энэ талаар. Гэтэл яагаад сүүлийн үед танайх руу дайрсан, жижиг алдаан дээр тань дөрөөлж асуудал үүсгэхийг хичээсэн мэдээлэл гарах болов. Энэ бү­хэн өрсөлдөгчидтэй чинь хол­боотой юу?

-Яагаад бид ингэж довтолгоонд өртөөд байна вэ гэдгийг би баримт­тайгаар хэлж мэдэхгүй. Янз бүрийн л таамаг байгаа. Би хувьдаа юу гэж дүгнэж байна вэ гэхээр аливаа зүйлийн манлайлагч бүхэн бусдын анхаарлыг илүү их татдаг. Үүнийг дагаад “Мобиком” компанид тавьж байгаа хүмүүсийн хүлээлт маш өндөр болов уу гэж бодож байна. Бид саяхан сэтгэл ханамжийн судалгаа явуулахад ийм хандлага харагдаж байсан. Би бодохдоо “Мобиком” бүхнийг шинээр нэвт­рүүлсэн болохоор маш өндөр чанарын юм хэрэгжүүлж байх ёстой болдог. Тэгэхээр салбар дотроо болон салбараас гадна буй компа­ниуд дотроос манайд маш өндөр үйлчилгээний хүлээлт байдаг. Монголд байгаа дундаж үйлчилгээг бид үзүүлэхэд бухимдал үүсэх хэмжээнд хүртлээ хөгжчихсөн. Манай хэрэглэгчдийн хүлээлт маш өндөрт тавигдсан байна.

Урьд нь бид дэд бүтэц байгуу­лах гэдэг дээр өдөр шөнөгүй зүтгэ­дэг байлаа. Салбар гэдэг юм үүсээд хөгжчихөөр хүмүүс энд ийм бизне­сийн орон зай байдаг юм байна гээд араас ороод ирчихдэг юм байна. Бидний араас эхлээд “Skytel” орж ирсэн. Бас “Unitel” хүчтэй орж ирж байгаа.

Гэхдээ манайх зах зээлийнхээ хагасыг эзэлсэн хэвээрээ. Хэрэглэг­чийн том баазтай. Тэр хэрээрээ өндөр хариуц­лага ирсэн. Тэгэхээр бид юу гэж бодож байна вэ гэхээр манай хэрэглэгчид илүү ихийг хүсээд байна. Бидэнд өндөр шаард­­лага тавьж байгаа юм бай­на. Жирийн байж болохгүй юм байна. Энэ өрсөлдөөнт орчинд өрсөлдөгч эсвэл тэр хүн тэгээд хэлчихлээ гэхээсээ илүүтэй бид салбараа тэргүүлэх үүднээс үргэлж байнгын зогсолтгүй урагшаа явж байхын тулд юу хийх хэрэгтэй юм гэдгээ харах ёстой гэдэгт л анхаа­рах юм байна гэж боддог.

Танай Ерөнхий захирал Д.Бо­лор өрсөлдөгч “Skytel” ком­па­нийн захирлаар очсон нь биз­не­сийн хүрээлэлд ёс зүйгүй хэ­рэг болсон гэж үзэцгээдэг. “Skytel”-ийн эзэн нь тухайн үеийн Ерөн­хий сайд байсан болохоорМоби­ком“-ынхон юу ч хийж чадаагүй ч гэдэг?

-Үүн дээр хуулиар хориглосон юм байхгүй. Бидний хувьд тухайн үед бага зэрэг цочирдсон. “Моби­ком” бол “Ньюком”-ын нэг групп компани. “Ньюком” бол дэд бүтэц байгуулдаг бизнес эрхэлдэг. Дараа дараагийн өөр ажлуудын тухай ярилцсан боловч Д.Болор захирал маань холбооны салба­рын хүн гэдэг үзэл баримтлалаа бариад сонголтоо хийсэн. Үүнд Ерөнхий сайд энэ тэр гэхээсээ илүүтэй, хувь хүний өөрийнхөө чадвар, мэдлэг, хүсэл эрмэлз­лэлээрээ шийдвэрээ гаргасан болов уу гэж бодож байна. Түүнээс биш үүнийг хуулиар хориг­лоод, хорсоод бухимдаад эсвэл гомдол­лоод байгаа юм бидэнд байхгүй.

Д.Болорыг “Skytel” руу очсо­ны дараа Skytel-ийн ярианы нууцлал 100 хувь баталгаатай, CDMA систем найдвартай гэсэн утгатай сурталчилгаа явсан ньМобиком“-ын ярианы нууцлал найдваргүй, тагнаж чагнаж бол­дог гэх ойлголтыг зарим хүмүүст төрүүлээд амжсан?

-Реклам, үйлчилгээ гаргасан гэдэг нь тэр компанийн бодлого стратеги. Тийм болохоор тэр нь яагаад тэгсэн, манайд ямар вэ гэдэг талаар ямар нэг байр суурь  байх­гүй байна. GSM, CDMA энэ хоёр үйлчилгээ бол яг л адилхан дэл­хийн олон оронд хэрэглэгдсэн стандарт болсон үйлчилгээ боло­хоор бид итгэл найдвартайгаар хэрэгжүүлж явна. Яриа чагнадаг гэх тийм зүйл байхгүй. Яагаад ийм яриа үүссэнийг мэдэхгүй. Тэр рек­лам­тай холбоотой гарсан яриа биш байх аа. Би дээр хэлсэн. Бид ганц ч бүдрэх эрхгүй хүмүүс.

-9911-тэй дугаарын үнэ гур­ван өрөө байр, шинэ жийп маши­ны үнэтэй тэнцэх боллоо. Яа­гаад энэ дугаар үнэд хүрэх бо­лов. Танайх үүнийг зохицуулах боломжгүй юу?

-Бидний зүгээс бодлоготойгоор гаргасан юм байхгүй. Брэнд шиг л болчихсон юм уу даа. Брэнд яаж үүсэх вэ гэхээр хэн тэр брэндийг хэрэглэж байна вэ тэрүүгээр нь үнэ цэнэ нь эсвэл тэр брэндийнх нь хэв маяг нь ялгарч гарч ирдэг. Тэгээд гараад ирэхээр хүмүүс түүнийг хөгжүүлээд явчихдаг. Тэр үүсэл Монголд маш хүчтэй гарч ирсэн юм болов уу гэж боддог. Түүнээс биш 16 жилийн өмнө брэнд гэдэг юмыг ойлгож, хэрэгжүүлчихээр марке­тингийн хүчин чадал, хүн бай­гаагүй.

Анхдагч гэдэг дугаарууд нь үнэтэй гэдэг имиж үүсээд тэр нь одоо хүртэл хүмүүсийн дунд яваад байгаа. Үүнийг зохицуулах ямар ч боломжгүй. Бид худалдаж, нэмж сурталчилж байгаа зүйл байхгүй шүү дээ. 9911-тэй дугаарыг рек­лам­даж байхыг ер нь хараагүй байх. Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдалгүй өдий хүртэл авч ирсэн, хэрэглэгчид маань брэндийнхээ эзэд нь болоод хувирчихсан. Тийм л юм 16 жил үргэлжлээд улам л эрч хүчээ аваад байх шиг байна.

-“Мобиком“-ын хамгийн анх­ны хэрэглэгч гэж ямар хүн бай­даг вэ?

– Гоё асуулт байх чинь. Гэвч энэ бол хэрэглэгчийн  нууц. Тиймээс хариулах боломжгүй юм.

Танайх шинэ жилийн баярын урамшуулал, бэлгүүдээ задал­чихсан байна лээ?

-Энэ сард бид завгүй, маш их ачаалалтай ажиллаж байгаа. Бид­ний хувьд завгүй арванхоёрдугаар сар үргэлжилж байна. 6000  төгрө­гийн урьдчилсан төлбөрт шинэ картаа үйлчилгээнд нэвт­рүүллээ. Энэ карт маань сүлжээн дотроо дотны таван хүнтэйгээ хязгааргүй ярих эрхтэй. Дараа төлбөрт хэрэг­лэгч­дэдээ шинэ дугаартай хамт урам­шуул­лын нөхцөл нээж байгаа. Мөн “Бусдыг баярлуулъя” гэсэн хөтөл­бөрөө шинэ жилтэй холбог­дуулаад гаргаж байна. Энэ маань манай үйлчилгээний таван төрлийн баг­цуу­дыг танд хүргэж өгнө. Танд  ирсэн тэдгээр мессежийг хэн нэгэн рүү явуулах юм бол тэр хүнд тань багц үйлчилгээ очно. “Мобиком” хэрэг­лэгчдээ баярлуулж байна гэхээсээ илүүтэй, өдөр тутмын жижиг ч болтугай зүйл дээр баяр­луу­лах боломж нээсэн урам­шуу­лал юм. Энэ нь 2500 төгрөгөөс дээш цэнэг­лэх тутамд урьдчилсан төлбөрт хэрэглэгчдэд очно. Харин дараа төлбөрт хэрэглэгчдэд долоо хоногт нэг удаа бэлгээр очно. Мөн энэ сардаа бид аймаг, орон нутаг руу чиглэсэн хөтөлбөрүүд хэрэг­жүүлэх гэж байгаа. Интернэт үйл­чил­гээний шинэ багцыг гаргах гэж байна.

Ингээд компанийнхнаа төлөө­лөөд нийт хэрэглэгчдэдээ амжилт, эрүүл энх, аз жаргал бүгдийг бэлгэ­шээгээд та бүхэндээ шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Ногоон бүс”-ийн Коффи

Найз Брюс Уиллисийнхээ хамт

“Ногоон
бүс” киноны сай­хан сэтгэлт, ер бусын шидтэй, аварга биет Жон Коффиг кино сонирхогч хүн бүхэн мэднэ. Хилс хэргээр гүтгэгдэж, цаазын ял сонссон хөөрхий залуу хэдий торны цаана суугаа ч байгалиас заяасан өвөрмөц авьяасаа­раа сайн санаат хүмүүсийг өвчин ша­наллаас нь салгаж, хүний хөлд бяцраад амьсгал хураа­чихсан өчүүхэн жаахан хул­ганыг хүртэл амь оруулж олны гайхашралыг төрүүлж баяр баясгалан бэлэглэдэг.

“Ногоон
бүс” кинонд шо­ронгийн амьдрал гардаг бо­ловч сайхан сэтгэлийн үр үндэс хэзээд бөх оршдог, бодит байдал дээр муу нь сайныг ялан дийлдэг ч тэр нь хуурмаг үзэгдэл, үнэндээ сайн сайхан, шударга, энэ­рэнгүй зөөлөн сэтгэл үргэл­жийн мөнхөд ялан дийлэгч юм гэдгийг харуулдаг. Тийм бо­ло­хоор дэлхийн кино сонир­хог­чид “Ногоон бүс” киног шаг­шин магтаж, Жон Коф­фи­гийн дүрийг хайрладаг юм.

Жон Коффигийн дүрийг бүтээсэн АНУ-ын жүжигчин Майкл Кларк Дункан энэ сарын 3-нд зүрхний өвчнөөр таалал төгссөн нь дэлхийн кино урлагт томоохон гарз, кино сонирхогчдын хувьд харамсалтай явдал болоод байгаа юм. Дэлхийн өнцөг буланд бүрт Майкл Кларкийн гэр бүлийнхэн, ойр дотны­хонд харуусал илэрхийлсэн шүтэн бишрэгчдийн цугла­ралт, уулзалт болж байна. Холливуудын алдартай най­руу­лагчид нэгэн дуугаар “Майкл Кларк амьдралаас, бидний дэргэдээс халин од­сон ч бүтээсэн дүр нь түүнийг амьд байлгана. Тэр дэлхий нийтэд Коффи гэдгээрээ мөнхөрнө” хэмээцгээжээ.

Майкл Кларк Дункан 1957 оны арванхоёрдугаар сард Чикагогийн Иллиноист төр­жээ. Ээж, эгчийнхээ хамт ядуу тарчигхан амьдралыг туулж, балчир наснаасаа жүчээнд морь угааж, арчилдаг ажил хийж амьдралаа залгуулдаг байжээ. Үеийнхэн дундаа биерхүү гэж хэлэхэд ч ба­гадахаар тийм бадриун хүү­хэд байж. 196 см өндөр, 142 кг жинтэй залууд ажил олгог­чид ачигч, буулгагч гээд аль л хүч тамир тэнхээ шаард­сан ажлыг санал бол­гоно. Майкл Кларк төрөлх хотдоо газны нэгэн компанид хэсэг ажил­лаж байгаад багынхаа мө­рөө­дөл, хүслийг биелүү­лэ­хээр Лос-Анжелест нүүж ир­жээ. Түүний мөрөөдөл жүжиг­чин болох.

Майкл амьдралаа авч явах, мөнгө төгрөг олох гээд аар саархан зүйлсэд хамаг цагаа үрсээр кино урлаг руу орох замаасаа заримдаа хазайхаа дөхнө. Гэвч түүнийг урлагт хөл тавихад тусалсан нэгэн эрхэм байсан нь жүжигчин Брюс Уиллис байв. Энэ хоёр үй зайгүй сайн андууд. Брюс Уиллис “Чам шиг ийм өвөрмөц төрх, сай­хан биетэй эрээр Холливуд дутна” гэж Майкл Кларкад байнга хэлж урам өгдөг байж.

Ингээд Кларк 1995 онд анх­ны­хаа кино “Баа­сан гариг”-т ам­жилттай тог­лож жүжигч­ний­хээ зам­налыг эх­лүү­лэв.

1998
онд дэлгэцнээ гаран­гуутаа “Box office”-ийг тэр­гүүл­сэн “Touchstone
pictures” компанийн бүтээл “Армагед­дон” кинонд найз Брюс Уил­лисийнхээ хамт тоглосон нь түүнийг дэлхий нийтэд танигдах эхлэл болсон юм. 

1999
онд  “The Green
mile” буюу “Ногоон бүс” кинонд Жон Коффигийн дүрийг бүтээсэн нь Майклийг дэлхий даяар алдаршуулж, шилдэг найруулагч­дын кинонд тоглох урилгад “даруулсан” билээ.

Тэр жилдээ “Ногоон бүс” кино бүхий л видео авардст шилдэг кино, шилдэг гол дүр, шилдэг эрэгтэй дүр, шилдэг туслах дүр гээд бараг бүх номинацид нэр дэвшиж шуугиан тарив.

Ингээд Майклын хувьд Холливудын ертөнц дав­чуухан, хүнд хэцүү байхаа больж, алдартай жүжигчдийн эгнээнд нэр төртэйгээр орж ирсэн юм.

Майкл Кларк кино, хүү­хэлдэйн кинонд чадварлаг дуу оруулдаг гэдгээрээ най­руулагчдын анхаарлыг татна. “Кунфу панда” киноны хирс­ний дүрд дуу оруулсан нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм.

Майкл өнгөрсөн долду­гаар сарын 13-нд зүрхний шигдээс өвчнөөр эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө нэгэн цувралд тоглочихоод байжээ. Тэрээр нийтдээ ная гаруй кинонд гол болон туслах дүр бүтээгээд байсан юм. Майкл Кларк хэт ачаалалтай ажиллаж байсан нь зүрхний өвчтэй болоход нөлөөлсөн бөгөөд сүүлийн жилүүдэд огцом таргалжээ. Гэсэн ч жүжигчин маань хэвийн жиндээ орохын тулд цагаан хоол, зөв хоололтыг сонгож, биеийн тамираар өдөр бүр хичээллэдэг байсан гэнэ.

Тэрээр  хэн нэгэн эмэгтэй­тэй нэр холбогдож, энд тэнд элдэв янзын шуугиан тарьж, хов живэнд орооцолдож байгаа­гүйгээрээ Холливудын буурьтай жүжигчдийн тоонд багтдаг байсан юм.

2010 оноос Омароса Ма­ни­гаулт гэх бүсгүйтэй болзож эхэлжээ. Омароса нь одоо 38 настай, телевизийн реалити шоунд оролцож хүмүүст та­нигдсан нэгэн юм. Хосууд ирэх зул сарын бая­рын дараа хуримаа хийхээр ярилцаж байжээ.

Майкл эмнэлэгт хоёр сар орчим хэвтэж эмчлүүлсэн ч сүүлдээ бие нь тэнхрэхээ байгаад өнгөрсөн даваа га­ригийн өглөө амьсгал хураа­сан юм. Омароса “Майкл ми­ний амьдрал, хайр минь бай­сан юм. Бидний хамтдаа өнгөрүүлсэн жил хоёрхон ч гэлээ, жаргалтай байсан мө­чүүдээ тоочоод барамгүй. Тэр надад бүхнээ зориулдаг бай­лаа. Хайрт­тайгаа амьдралаа холбож амжаагүй ч амьд­ра­лаас одох мөч хүртэл нь дэр­гэд нь байсандаа аз жар­галтай байсан. Майкл миний бүхий л амьдралдаа хүлээсэн хайр минь байсан юм” хэмээн ярилцлага өгчээ.

Харин Брюс Уиллис найзынхаа талаар “Майклыг бид Том Майк гэж дууддаг байлаа. Найзуудтай хамт шар айраг уугаад суухдаа жаахан хүү шиг л инээд ал­даад, гэнэн цайлган бол­чих­дог. Майкл найзуудынхаа сэтгэлд үргэлж л том чигээрээ дурсагдана” гэж ярьсан байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Ганнам стиль”

Солонгосын дуучин, реппер Парк Жае Саны “Ганнам стиль” дуу дэлхийд хит болоод байна. Энэ дууны клипийг өнгөрсөн долдугаар сарын 15-нд youtube сайтад байрлуулснаас хойш 34 сая хүн үзээд байгаа юм. Алдарт дуучин Лэди Гагагийн бүжгийн хэмнэл, элемент, хэв маягийг илүү хошин хэлбэрээр дүрсэлснээрээ энэ клип дэлхийн хөгжмийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмээд байна. БНСУ-ын Ганнам дүүрэгт голдуу баячууд амьдардаг бөгөөд цэвэр цэмцгэр, тансаг гэдгээрээ энэ дүүрэг бусдаас ялгардаг аж.

Парк Жае Сан “Ганнам стиль” дуугаараа Ганнам дүүрэг, бая­чуудыг битүүхэндээ шүүмжилж, өөрсдийгөө нийгмээс дөвийлгөж, өөр харагдуулахыг хичээх хэрэггүй гэдгийг Лэди Гагагийн зарим дууны клипт гардаг бүжгийн өвөрмөц хөдөлгөөнүүд, дүрслэлүүдийг ашиг­лаж харуулсан юм. Ингэхдээ Гагагийн морь шиг шогшдог бүж­гийн хөдөлгөөнийг голчлон авчээ. Үүгээр нь энэ дууг “Морин бүжиг”-тэй дуу ч гэх болсон юм.

“Ганнам стиль” дуу сүүлийн дөрвөн долоо хоногт БНСУ-ын хөгжмийн бүх чатуудыг тэргүүлээд зогсохгүй, Ази тив, АНУ, Канад, Финланд, Шинэ Зеланд, Данид түгээд байгаа юм. Барууны хөгж­мийн ажиглагчид “Ганнам стиль” дууг энэ эрчээрээ youtube болон бусад хөгжмийн сайт, чатуудад дээгүүр байр эзлээд байвал “2012 оны дууны шилдэг клип”-ээр шал­гарч магадгүй гэж байна.

Дуучин Парк Жае Сан нь 1981 онд төрсөн. 183 см өндөр, 75 кг жинтэй. Тэрээр өөрийгөө “Би бү­жиг­лэх, сөжү, пиво, ундаа, жүүс ер нь шингэн юм уух дуртай. Бас аяллаар явах сонирхолтой. Кла­ринет, бөмбөр тоглодог” гэж танил­цуулжээ. Түүнийг солонгосчууд Psy гэх тайзны нэрээр нь илүүтэй мэддэг юм байна. Psy Бостоны их сургууль, “Berklee” хөгжмийн кол­ле­жийг тус тус төгсчээ.

2000 оноос урлагт хөл тавьсан бөгөөд нийтдээ арав гаруй цомог гаргаад байгаа аж. Түүний 2001, 2002 онд гаргасан цомгууд нь хөгжим сонирхогчид, залуусын зүгээс өндөр үнэлгээ авсан ч “Этгээд дуучин” гэгдэх болжээ. Биеэ авч яваа байдлаас нь гадна дуу­нуудынх үг этгээд учир ингэж нэрлэгдэхэд хүргэсэн юм.

Psy эхний хоёр цомгоо гаргас­ны дараа 2003 онд цэргийн албанд татагджээ. 2005 онд цэргээс ха­лагдаж ирснийхээ дараа тайзнаа дахин гарахад сонсогчид түүнийг өмнөх шигээ шагшин хүлээж аваа­гүй. Гэсэн ч дуучин маань хип хоп урсгалаар хэд хэдэн цомог гаргаад байсан юм.

Харин түүний амьдралыг энэ “Ганнам стиль” дуу бүр мөсөн өөрчилчихөөд байна. Тэрээр өөрийнх нь дуулсан дуу дэлхийд түгэж, клипийг нь сарын дотор 34 сая гаруй хүн үзчихээд байгаад маш их гайхаж байгаа гэнэ.

Парк Жае Сан “Яг үнэндээ их гайхсан шүү. Ийм том амжилтад хүрнэ чинээ төсөөлөөгүй. Энэ бүхэн миний амьдралыг бүхлээр нь өөрчилж эхэлж байна” гэжээ.

Тэрээр өнгөрсөн нэг сарын хугацаанд хөгжмийн фестиваль, олон улсын наадам, шоу тоглолт, шууд нэвтрүүлэг гээд томоохон арга хэмжээний тайзан дээр зөвхөн энэ дуугаа дуулах гэж олонтаа уригдаж, Япон, АНУ руу нэг бус удаа “айлчилчихаад” байна. Psy-г хаана ч явсан мэдээллийн хэ­рэгслүүд дагаж, түүнтэй хол­боотой шинэ мэдээллийг хүмүүс ихээр сонирхсоор.

Богино хугацаанд дэлхийд танигдаж солонгосын к-поп, техно, электро, транс хөгжмийн урсгалын шинэ үеийн төлөөлөл гэгдэх бол­сон тэрээр ирэх сард Япон улсад анхныхаа бие даасан бүрэн хэм­жээ­ний тоглолт хийхээр болсон байна.

Одоо Солонгост хаана л шоу цэнгээн, хөгжмийн наадам болно, тэнд “Ганнам стиль” дуу цангинаж байгаа аж. Солонгосын залуус энэ дууны клипэн дээр гардаг моринд мордох, бугуйл эргүүлэх, морьтой шогшуулж, хатируулж байгаатэй төстэй хөдөлгөөнийг ихээр таа­шааж ингэж бүжиглэж байгаа гэнэ. Үүнийг америкийн хөгжим судлаа­чид “Солонгосын эгэл жирийн нэг реппер залуу Лэди Гагагийн хөдөл­гөө­нийг, солонгос поптой хос­луу­лаад шинэ өнгө, санаа гаргаж ирлээ. Сөүлийн ер бусын дуучин залуу олны анхаарлыг соронз мэт татаж байна. Түүний дууны клип­ний хөдөлгөөнд шинэ нэр өг гэвэл “Мордох стиль” гэж нэрлэе” гэсэн бол гадны зарим мэдээллийн хэ­рэгс­лээр Парк Жае Саныг “Хоёр дахь Макарена” гэж байна.

Хэдий шууд харахад Лэди Гагаг элэглээд байгаа мэт боловч цаад санаа нь хэн нэгэн хүн баян хараг­дах гэж хичээх нь инээдэмтэй, яг л морьгүй хэрнээ морин дээр яваа юм шиг хайш яйш хөдөлж байгаа адил бүдүүлэг харагдана гэдгийг өгүүлж байгаа аж. 

Psy “Энэ дууны шүүмжлэлийн өнгө аясыг Лэди Гагагийн морины бүжгээр жаахан эерүүлтэл хөгжил­тэй болоод ирсэн. Миний клип хөгжилтэй, хөнгөн, хэн нэгэн рүү дайраагүй. Зүгээр нэг хөгжил баясал, инээд бэлэглэсэн уран бүтээл юм” гэсэн байна.

ПАРК ЖАЕ САНГаннам стиль

Тэр охин өдрийн турш халуу­хан бас эелдэг

Тэр үзэсгэлэнт охин аяга ко­феноос эрх чөлөөг мэдэрдэг

Тэр охины зүрх нь шөнө бо­лохоор догдолдог

Тэр овжин охин

Би бол

Өдрийн турш чам шиг эелдэг байдаг тийм л залуу

Кофе хөрөхөөс өмнө ганц амьсгаагаар уудаг залуу

Шөнө болмогц зүрх минь тэсэрдэг залуу

Би тийм л залуу

Үзэсгэлэнтэй, хайр булаам

Тийм ээ, чи

Нey!

Тийм ээ, тэр бол чи

Нey!

Үзэсгэлэнтэй, хайр булаам

Тийм ээ, чи

Нey!

Тийм ээ, тэр бол чи

Нey!

Одооноос эцсээ хүртэл

Ах нь Ганнам стильтэй

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Дасгалжуулагчийн сэтгэл дутлаа даа, манай тамирчдад

-ОРОСУУД МОНГОЛЫН БОКСЫН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН АРГА БАРИЛЫГ

ГУЧИН ЖИЛИЙН ӨМНӨХӨӨС ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ ГЭЖ ШҮҮМЖИЛЛЭЭ-

Лондонгийн олимпод Монгол Улсыг төлөөлж 29 тамирчин спор­тын долоон төрөлд хүч үзэж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүрт­лээ. Манай улс медалийн чана­раар 204 орноос 56 дугаар байрт шал­гарсан юм.

Энэ удаагийн олим­под 10820 тамирчин 26 спортын 302 төрөлд хүч сорьсон. АНУ, БНХАУ олимпийн наадмын эхний өдрөөс л түрүү байрны төлөө ширүүн өрсөлдсөн билээ. БНХАУ өмнөх олимпод үзүүлсэн амжилтаа дав­таж алтан медалийнхаа тоог ахиулна хэмээж бай­сан ч энэ удаад аман хүзүүдлээ. Америкчууд   “Лондон 2012” биднийх болно хэ­мээн наадмын эхнээс л ярьцгааж байсан нь биелж 46 алт, 29 мөнгө, 29 хүрэл нийт 104 медальтайгаар тэргүү­лэв.

ОХУ энэ удаагийн олим­под эхний гурван байрт баараггүй орно гэсэн зорилт тавьсан ч зохион байгуулагч орны багт байраа алд­лаа. Оросуудын хувьд дөрөв­дүгээр байрт шалгарсан нь хүсэн хүлээсэн амжилт нь биш гэцгээж байна. Тус улсын спортын мэргэ­жилт­нүүд “Үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж байсан” гэжээ.

Германчууд 11 алт, 19 мөнгө, 14 хүрэл медаль, нийт 44 медаль хүртэж зургадугаар байрт шал­гар­сан
бол тэдний өмнө БНСУ-ын баг 13 алт, найман мөнгө, долоон хүрэл,
нийт 28 ме­даль­тайгаар тавдугаарт орлоо. БНСУ-ын ам­жилт бол медалийн тоо чухал
биш, хамгийн гол нь чанар гэдгийг ха­руулав.

Харин манай спортынхны ху­вьд аль болох л олон медаль хүрт­вэл амжилт гэж ташаарч байна. Биеийн тамир, спортын газар, Монголын олимпийн хорооныхон энэ удаагийн олимпод монголчууд өмнө нь байгаагүй амжилт гаргаж тавын таван медаль хүртлээ гэх юм.

Гэтэл үнэндээ Лондонгийн олим­под манайхан 2008 оны Бээ­жин­гийн олимпод үзүүлсэн улсын­хаа чансааг бууруулчихлаа. 2008 оны олимпод манай улс хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр 31 дүгээр байрт шалгарч байв. Харамсалтай нь Лондонгийн олимпод энэ сайхан амжилтаа хорь гаруй байраар ухраачихав.

“Лондон-2012”-т манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Б.Наран­баатар (55 кг), О.Үйтүмэн (84 кг), П.Өнөрбат (74 кг), Ж.Чулуунбат (120 кг), Д.Отгонцэцэг (48 кг), С.Бямбацэрэн (55 кг), С.Батцэцэг (63 кг), О.Бурмаа (72 кг), жүдод Д.Төмөрхүлэг (60 кг), Х.Цагаан­баатар (66 кг), С.Ням-Очир (73 кг), Н.Түвшинбаяр (-100 кг), М.Уран­цэцэг (48 кг), М.Бундмаа (52 кг), Д.Сумьяа (57 кг), Ц.Мөнхзаяа (63 кг), П.Лхамдэгд (-78 кг) нар тус тус төлөөлөн барилдсан. Мөн усанд сэлэлтээр А.Тамир, Г.Оюунгэрэл, хөнгөн атлетикийн марафоны төрлөөр Б.Сэр-Од, Л.Отгонбаяр, буудлагаар Н.Баяраа, О.Гүн­дэг­маа, байт харваагаар Ж.Гантөгс, Б.Урантунгалаг, боксоор П.Сэр­дамба, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат нар тус тус эх орноо төлөөлөн өрсөлдсөн. Эднээс таван тамирчин нь медалийн тавцанд гарч, эх орныхоо далбааг Лон­дон­гийн тэнгэрт мандуулав.

Спорт сонирхогч, спортын мэр­гэ­жил­тэн, ажиглагчдын үзэж бай­гаа­гаар энэ удаагийн олимпоос манайх хоёроос гурван алт, дөр­вөөс таван мөнгөн медальтай байх байжээ. Манай тамирчдын нэг нийтлэг алдаа нь сэтгэлзүй. Жишээ нь, Ц.Мөнхзаяагийн хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд ялалт байгуулчихлаа хэмээн баярлатал шүүгч оноог нь цуцалчихсан. Ин­гээд л Ц.Мөнхзаяагийн хөл, гар нь хөдлөхөө байж, сэтгэлээр илт унасан нь хэнд ч мэдэгдэхээр, царайнаас нь анзаарагдсан. Ин­гээд тэрээр хүрэл медалийн төлөө барилдахаар гарч ирэхдээ аль хэдийнэ “Би ялагдах байх аа” гэсэн дүртэй, өөртөө итгэлгүй татамид гарсан. Барилдаан ч түүний бод­соноор болсон. Манай тамирчид ингэж л сэтгэл зүйгээр өөртөө ялагдлыг дууддаг. Ийм жишээг олимпод оролцсон манай бусад тамирчид ч гаргасан. С.Батцэцэгт аварга болох боломж байсан ч Японы бөх Ичо Каоритай барил­дахдаа нэг л бэргээд ер хөдлөөгүй. Зүгээр л шахуу ялалтаа өгчихсөн. Японы тамирчны олимпийн хошой, дэлхийн долоон удаагийн аварга, жиндээ дархлагдсан гэдэг нь өн­гөр­сөнд болсон явдал л даа, уг нь. Тухайн агшинд л хэн нь түрүүлж сэтгэж чадсанд нь л ялалт ирдэг. Манай тамирчид ингэж өр­сөл­дөг­чийнхөө цол гуншинтай “барил­даад” зүрх алддагийг сая та бид олимпийн үеэр харлаа.

Бас ялж яваад цагийн төгсгөлд оноо алдаад ялагдчихаж байгаа юм. Эсвэл хэт өөртөө бардсан байдлаар өрсөлдөгчтэйгээ хан­даад дийлдсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд л оролцож байгаа юм шиг ринг, дэвжээнд гүйж гараад л ялагдчихна. Олимп чинь улсын аварга шалгаруулах тэмцээн биш. Олимпийн наа­дамд шилэгд­сэн, эх ор­ноосоо шал­гар­сан Майкл Фелпс, Усайн Болт шиг та­мирчид ирж ан мана үзэлцдэг тал­бар гэд­гийг ма­найхан ухаа­рахгүй юм байх даа. Олим­пийн дэв­жээнд П.Сэр­дамба мон­­­­го­лын хөдөл­мө­рийн баатар байна уу, М.Бунд­­маа гавьяат та­мир­­чин байна уу, Х.Ца­­­­­­гаан­баатар дэл­­­­хийд чан­саа­гаараа тэр­гүүл­дэг бай­на уу, ер ха­маа­гүй.

Энэ бүхнийг ан­­­заа­рахад та­мир­­чид л ал­даа гар­гаад бай­­гаа юм шиг ха­рагдах ч  цаа­на нь ажиллаж бай­гаа багш, дас­гал­жуу­лагч, эмч, илээч, хол­боо­ныхон нь гээд маш олон хүнтэй шууд хамааралтай.

Лондонгийн олим­­пийн үеэр ма­най­ханд дас­гал­жуу­лагчийн ур чад­вар, сэт­гэл илт ду­тагд­сан төрөл бол бокс байв. Энэ ту­хай ОХУ-ын спор­тын мэр­­гэ­жилт­нүүд, бок­сын ах­мад дас­гал­жуу­лагч, тамирчид хүр­­­тэл шүүм­ж­лэ­л­тэй хандаж байна.

Тэд “Монголын боксчдод ур чад­вар, авьяас, хурд байна. Харин зөв тактик гэхээр юм ер алга. Энэ бол дас­гал­жуу­лаг­чидтай шууд ха­маа­тай. Ринг дээр ажиллаж байгаа Монголын боксчиноос эрч хүч ханхалж буй ч, ямар ч бокс хараг­дах­гүй байна. Монголын дас­гал­жуулагчдын ажил­лаж байгаа бай­дал гучин жилийн өмнөхөөс өөрчлөгдсөнгүй” гэсэн байна.

Оросууд
манайд атаархсандаа ч юм уу, Н.Төгсцогтод Мишагаа “зодуулчихаад” ингэж ярьсан хэрэг биш л дээ. Өөрийнх нь улсын тамирчин Миша Алояныг мөнгөн медалийн төлөөх өрсөлдөөнд 15:11 харьцаагаар ялсан Мон­голын боксчин Н.Төгсцогт тийм сүрхий юм бол аваргын төлөө яаж тоглохыг нь харъя гээд сууж байтал яалтгүй ч тамирчин нь ажиллаад байдаг, дасгалжуулагчийн нөлөө огт харагдахгүй байхад ингэж шүүмж­лэх нь зөв юм. Тамирчин нь эхний үед ялагдчихаад дас­гал­жуу­лагч дээрээ очоод буцаж тоглоход тог­лолт нь арай өөр болчихсон байдаг, өрсөлдөгчөөсөө оноо сал­гах хэмжээний дориун болчихдог.

Аваргын төлөө тоглосон Н.Төгс­цогт, мөнгөн медалийн төлөө тог­ло­сон У.Мөнх-Эрдэнэ нар дээр дасгалжуулагчид нь алдаа гар­га­сан. Тамирчид зөвхөн өөрсдийн сурсан дадал, туршлагаараа л   медаль зүүлээ. Үе дуусаад тамирчин бу­ланд очоод суухад дас­гал­жуу­лаг­чид тоглолтын өмнөх үеүдэд ана­лиз хийчихсэн, хамгийн хэрэгтэй зөв­лө­гөөгөө өгч амждаг. Завсарла­гаа­наар тамирчин руугаа ус ца­цаад, ал­чуу­раар сайн сэвснээрээ дас­гал­жуулагч болчихгүй. 

Хэрэв боксынхны дасгал­жуу­лалт арай өөр байсан бол манай дөрвөн боксчин дөрвүүлээ меда­лийн эзэд болох боломжтой байс­ныг боксын спорт сонирхогчид ярьж байна. Монголын боксын спортын ахмад дасгалжуулагчид “Манай боксчид чадалтай байсан ч тактик дутлаа. Тактик гэдэг чинь бөхөөр бол мэх шүү дээ. Боксчдод маань дасгалжуулагчид ер мэх зааж өгөхгүй юм. Завсарлагааны нэг минутад л дасгалжуулагч хүн тамирчнаа дасгалжуулдаг. Дас­гал­жуулагч тэрхэн агшинд л бүх юмаа хийдэг” гэж шүүмжилж байгаа юм.

Манайхан дасгалжуулагч бо­лон сэтгэлзүйн асуудлаас үүдэн медалийн төлөөх өрсөлдөөнөөсөө буусан ч энэ удаад таван тамирчин маань медаль хүртсээн. Н.Түв­шин­баяр тамирчны жинхэнэ араншинг гайхалтай харуулсаар аваргын төлөө барилдсан. Гэсэн ч бэртэл гэдэг бол ямар ч хүнийг мохоодог ч манай тамирчин гэмтлээ өрсөл­дөг­чөөсөө нууж “Эцсээ хүртэл үзнэ” гээд татамид гараад ялагдсан. Түүнтэй өрсөлдсөн ОХУ-ын тамир­чин Т.Хайбулаев дараа нь “Би монголын жүдочийн хөл нь гэмт­сэ­нийг медалийн тавцанд гарах үедээ л мэдсэн” гэж хэлж байхав.

Хорьхон насандаа олимпийн рингээс мөнгөн медаль хүртсэн Н.Төгсцогт, гурав дахь олимпдоо хүч үзэж хүрэл медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ нар хоёул аварга болох магадлалтай тамирчдын жагсаалтад байсан юм шүү.

Лондонгийн олимпод найман тамирчнаа оролцуулсан чөлөөт бөхийнхөн ганцхан хүрэл медаль хүртлээ. Түүнийг нь Москвагийн ДАШТ-д улсынхаа нүүрийг тахалж, чөлөөт бөхийнхнийг “аварч” бай­сан С.Батцэцэг авсан. Харин чө­лөөт бөхийн эрэгтэй тамирчид хан­галтгүй барилдсаныг хэн хүнгүй хэлж байна.

Ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон зуны ХХХ олимпийн наадмыг Монголын баг тамирчид алдаа, оноотой, сургамжтай, оросуудын шүүмж­лэл­тэйгээр өндөрлүүллээ.

Спортын байгууллагын удир­д­лагууд “Бид энэ удаад таван ме­даль авч монголын түүхэнд гар­гаа­гүй амжилт гаргалаа” хэмээн тоон үзүүлэлт ярьж ард түмнийг хуу­рахын­хаа оронд шигшээ багийнх­ны дасгалжуулагчидтай тулж ажил­лаж, спортын сэтгэлзүйчдийн орон тоог гаргавал яасан юм гэж үзэгч түмэн үзэж байна. Харин манай тамирчид дасгалжуулагчгүйгээр бор зүрхээрээ өрсөлдвөл ямар ч байсан медаль авчихтайгаа болс­ныг та бид “Лондон-2012”-оос харлаа. Дасгалжуулагчийн сэтгэл дутлаа даа, манай тамирчдад.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Мөнхбаатар: Би Италийн шигшээ багийг гучин жил дэмжиж байна

Италийн
шигшээ ба­гийн хөгжөөн дэм­жигч Д.Мөнхбаатар­тай ярилцлаа. Тэрээр
“Евро-2012”-ын Поль­шид зохиогдсон зарим хэсгийн тоглолтуудыг үзээд ирсэн юм.

-Хөлбөмбөгийн
спор­тыг хэдийнээс сонир­хох болсон бэ?

-1980
оноос.

-Хэдэн
настайгаасаа гэсэн үг үү?

-11 настай байхаасаа юм байна. Анх Зөвлөлт холбоот улсын
багийг дэмжиж байлаа.

Тэгтэл
1982 онд Италийн шиг­шээ баг дэлхийн аваргад түрүүлс­нээс хойш энэ багийг
дэмжих бол­сон. Тасралтгүй гучин жил дэмжиж байна.

-Та
сая Польшид очоод “Евро-2012”-ын хэсгийн тог­лол­туудаас үзээд ирсэн гэсэн?

-Герман-Португал,
Итали-Испани, Польш-Орос гэсэн гурван тоглолтыг үзээд ирлээ. Зурга­дугаар сарын
9-17-ны хооронд. 

-Ямар
шугамаар явсан юм бэ. Зөвхөн хөлбөмбөгийн тэм­цээн үзэх гэж үү?

-Хувиараа
явсан. Хөлбөмбөг үзэх гэж л явсан. Гэхдээ тэнд түншүүдтэйгээ уулзах бизнес уул­залттай
байсан юм. Гэхдээ эхлээд тэмцээнээ үзчихээд дараа нь түн­шүүдтэйгээ уулзсан.

-Үзсэн
тоглолтуудаас мэ­дээж Итали-Испанийнх таны сэтгэлийг хөдөлгөсөн байх?

-Тэгэлгүй
яахав. Манай баг тоглосон юм чинь. Чин сэтгэлээсээ догдолж үзлээ. Энэ тоглолтын
дараа би Италийн Антонио ди Натали, Салватор Сирижи, Эма­нуэлл Жиачирини нартай
зургаа татуулсан.

-Алдартай
тамирчидтай зураг татуулахад хамгаа­лагч­­даас нь эхлээд саад бэрхшээл их шүү
дээ?

-Хамгаалалтыг
нь давж гарч байж л тэдэнтэй уулзаж, зураг авахуулна ш дээ. “Би Монголоос
ирсэн. Чиний үнэнч шүтэн бишрэгч байна” гэж холоос италиар хашгирч анхаарлыг нь
татна. Тэгэхгүй бол зарим нь тоохгүй яваад өгч байгаа байхгүй юу.

-Та
ямар ямар хэлээр ярьдаг вэ?

-Англи,
итали, орос хэлтэй.

-Шигшээ
багийг нь дэмждэг болохоороо хэлийг нь сурсан уу?
 

-Ер
нь тэгсэн. Италийн багийн тоглолтыг үздэг болсон цагаасаа л итали хэл сурч
эхэлсэн. Италиар уншихдаа дунд зэрэг. Харин бага сага ярьчихна аа. Ямар ч
байсан алдартай тоглогчдыг тэр холоос дуудаад хажуудаа авчирчихсан шүү.
Төрийнхөө далбааг бариад “Үнэнч шүтэн бишрэгч чинь байна аа” гээд хашгирахад
ирж байгаа нь энэ гурав. Бусад нь утсаар яриад ч юм уу, эсвэл анзаарахгүй
тоохгүй байсан.

-Орос-Польшийн
тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдийн хооронд үймээн гарсан?

-Үймээнийг
тэр дор нь цагдаа нар дарсан. Үймээнд оролцогчдыг даралттай усаар шүршиж тарааж
байхыг нь харсан. Польшийн хотуу­­даас үндэсний үзэлтэй бүл­гүүд цуглаад
тоглолтын өмнө оро­суудтай үзэлцэнэ гэж байсан юм билээ. Би үймээнээс хол
байсан, болгоомжлоод. Польш, орос хөг­жөөн дэмжигчид зодолдож эхлэн­гүүт
хамгаалалтынхан цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг хаачихсан. Тэгээд намжингуут нь
үзэгчдийн тасалбарыг шалгаад дотогш оруулсан. 

-Тоглолтын
дундуур Мон­голын далбааг харуулсан. Таны авч явсан далбаа зураглаачийн дуранд
өртсөн гэлүү?

-Итали,
испанийн тоглолтын үеэр би Италийн балиашгуудын дунд суусан юм. Балиашгууд
төрийн­хөө далбааг хашлаган дээр эгнүүлээд тавьчихсан. Тэрэн дунд нь би
Монголынхоо далбааг тавь­чихсан юм л даа. Түүнийг нь Мон­голын хөлбөмбөгийн
тайлбар­лагчид тэмцээнийг шууд дамжуулж байхдаа анзаарсан байна лээ. 

-Италийн
хөгжөөн дэмжигчид таныг Монголоос, ганцаараа ирсэн гэдгийг нь дуулаад юу гэж
байх юм?

-Их
сайхан хүлээж авсан. Зарим нь Монголд манай багийг дэмждэг хүн байдаг юм уу
гээд гайхаж байсан. Италичууд тоглолтын турш “Итали Испанийг даван гарлаа”
гэдэг уриагаа нэгэн дуугаар цэн­гэлдэх хүрээлэнг доргитол хашгирч байсан шүү.
Нэгдмэл сайхан дэмжиж байлаа.

-Өмссөн
малгайн дээр тань “Итали” гэсэн бичиг байна?

-Би
итали хоол унд хэрэглэнэ. Шпагетти идэх дуртай. Итали дуу сонсоно. Машиндаа бол
байнга итали дуу сонсч явдаг, үнэнчээр. Сан-Ремогийн итали дууны наад­мыг очиж
үзнэ гээд зорилго тавь­чихаад байна. Энэ нь миний дараа­гийн бас нэг том
зорилго.

-Та
өмнө нь томоохон тэм­цээний үеэр очиж шүтдэг багаа дэмжиж байв уу?

-Ийм
том тэмцээн дээр анх удаа очлоо. Өмнө нь Сери-А, Бундес­лигийн тоглолтууд гээд
хэд хэдэн тэмцээнийг үзэж байсан.

-Хагас
шигшээд танай баг Германтай үзэлцэнэ. Энэ удаа­гийн Европын аваргад италичууд
яах бол?

-Багаа
аварга болно гэж бодож байна. Зургаан жил завсардлаа. Одоо түрүүлэх цаг нь
болсон. Би ирснийхээ дараа “ETV” теле­ви­зийн хөлбөмбөгийн нэвтрүүлгийн ярилцлагад
орсон юм, Ирланд-Италийн тоглолтын өмнө. Сэтгүүлч надаас энэ тоглолтод
италичууд яах бол гэж асуухаар нь 0:2-оор италичууд ялна гэж хэлсэн. Яг тэгсэн
шүү дээ.

Хагас
шигшээгийн тоглолтын хувьд ярихад, ер нь манай баг хамгаалалт сайтай.
Германчууд тэрийг нь мэдэх учир хүчтэй дов­толгоогоор дайрах байх. Манайх ч
сөрөг довтолгоогоор хүчтэй “маши­нууд”-ыг зогсооно. Цаг сунгаж таарах байх.
Миний бодлоор 11-ээс өшиглөж, манай баг хожино. 2006 оны дэлхийн аваргад манай
баг германчуудыг нутаг дээр нь 2:0-ээр хожиж байсан удаатай.

-Танай
гэр бүлийнхэн бас хөлбөмбөгийн хорхойтнууд уу?

-Манай
эхнэрийг Б.Саранчимэг гэдэг. Бид хоёр 1994 онд “Бар­селона” Москвад ирэхэд
зорьж очиж үзэж байлаа. Манайх хоёр хүүхэдтэй. Бага нь одоогоор хөл­бөмбөг
сонирхох насандаа арай хүрээгүй байна. Харин том нь хөлбөмбөгт тийм ч дуртай
биш шиг байна лээ.

-Та
хаана ажилладаг юм бэ?

-Улаанбаатар
цахилгаан түгээх сүлжээ компанид хэлтсийн даргаар ажилладаг.  

-Польш
тэр чигээрээ хөлбөм­бөгөөр амьсгалж байна уу?

-Тэнд
хөлбөмбөгийн наадам болж байна. Кивийн төв гудмыг хаагаад “Фанатын бүс” нэртэй
явган хүний гудамж болгочихсон байна лээ. Тэр гудамжинд гурван том дэлгэц
байрлуулчихсан, хөл­бөмбөгтэй холбоотой худалдаа, үйлчилгээ гээд бүх юмтай.
Жинхэнэ наадам тэнд болж байна, дэлхийн бүх үндэстний төлөөлөлтэй.

-Найзуудаас
тань Италийг дэмжигчид байдаг уу?

-Байдаг.
Сая намайг Польшид очиход тэнд ажиллаж амьдардаг Цогтмандах гэдэг найз маань
тэм­цээн үзэхэд их тусалсан. Польш-Оросын тоглолтыг түүнтэй хамт явж үзсэн юм.
Бас Герман-Пор­туга­лийн тоглолтын тасал­барыг олж авахад тусалсан найз В.Тү­мэн­жаргал,
герман найз Франц­даа ч талархсанаа илэрхийлье.

-Тасалбар
авахад хэд орчим төгрөг болж байна вэ?

-Хоёрдугаар
зэрэглэл буюу дунд зэрэглэлийн тасалбар авахад 170 орчим мянган төгрөг болж
байна лээ.

-Тоглолтын
үеэр монголчууд­тай таарсан уу?

-Таараагүй.
Тэнд амьдардаг монголчууд үзсэн л байх.

-Фанатууд
шүтдэг багаа өмгөөлөөд эсрэг багийн дэм­жиг­чид­тэй муудалцах нь бий. Танд ийм
юм тохиолдож байв уу?

-Бооцоо
их тавина аа. Бооцоо­гоо алдаж ч байлаа, авч ч байлаа. Найзуудаараа сууж хөл­бөмбөг
үздэг болохоор муудалцаж байсан удаагүй ээ.

-Багаа
ялагдчихвал яадаг вэ?

-Сэтгэлээр
унаад гэр орондоо дуугаа хураачихна. Тэр байдал ганц хоёр хоног үргэлжилнэ дээ.
Тэгээд гайгүй болчихдог юм.

-Үнэнч
фанат байх хэцүү гэдэг. Зарим хүмүүс дэмждэг багаа солиод л байдаг?

-Нэг
багийг үнэнчээр дэмж­сэнээр тухайн улсынхаа хэл соёл, дуу хуурыг нь хүртэл
мэдэрдэг. Би итали хэлийг хүнтэй харьцах хэм­жээнд судаллаа. Эртний түүх соёлын
өвтэй Италийг бүхэлд нь сонирхдог. Би Ром, Венец, Флоренц гээд олон хотоор нь
аялж үзсэн. Италичуудын хувьд хөл­бөмбөг бол шүтээн нь.

Нэг
сонин юм болсон ш дээ, сая тэмцээний дараа. Италийн алдарт тоглогч Алтобеллиг
явж байхыг нь хараад өөрийн эрхгүй нэрийг нь дуудаад хашгирчихсан. Гэтэл хү­мүүс
түүнийг ерөөсөө таниагүй байсан юм билээ. Тэр бол 1982 оны дэлхийн аварга.
Багаа дэл­хийн аварга болоход гоол оруулж байсан шилдэг довтлогч байсан юм.
Нэлээд хөгширчихсөн байна лээ. Гэхдээ тамирчин хүн юм боло­хоо­роо бас ч гэж
өөр байсан шүү. Хэдий тэр хүн өөрчлөгдсөн ч би шууд таниад хашгирчихсан. Тэгтэл
тэнд байсан гадаадын спортын сэтгүүлчид гайхаад л “Та дараа нь гарч ирэх
алдартай хүнийг бидэнд бас хэлж өгөөрэй” гэж байсан.

Манай
баг энэ удаагийн Европын аваргад 23 тоглогчтой байгаа. Тэднээс одоогийн байд­лаар
18, 19 нь тоглочихоод байна . Манай баг бол одгүй, жигд тоглогч­той. Нэг хүнд
төвлөрөөд байдаггүй. Бүгд жигд ачаалал авдаг. Хэн нь ч хэнийг орлоод
тоглочихдог тийм л хөлбөмбөг­чидтэй баг даа.

Д.ГАНСАРУУЛ