Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Сарны гэрэл

МЗЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Битогтохын Цогнэмэх өгүүлллэг, ойллого, баримтат өгүүлэл, эссээ, чөлөөт сэтгэмж, туужийн “Сарны гэрэл” номоо уншигч олноо толилуулаад байна. Түүний номыг эх барьж авсан Азийн тэргүүн найрагч өргөмжлөлт, Нобелийн шагналт нэр дэвшигч, зохиолч, сэтгэгч Дамдинсүрэнгийн Урианхай шавийнхаа номын өмнөтгөлд ийн өгүүлжээ.

НОМ ХУДАЛДАН АВАГЧ УНШИГЧ БОЛ БАРАА ХУДАЛДАН АВАГЧ БИШ, ТЭД ӨӨРСДӨӨ МЭДЭХ ХЭРЭГ

Хуучин үгэнд, “Шавийн эрдэм багшаас” гэдэг үг бий нь бий ч энэ үг үнэн байх тохиол ч амьдралд олон байдаг, худлаа байх тохиол ч олон байдаг. Гол нь, ямар тохиолд үнэн, ямар тохиолд худал байхыг суралцагч хүний идэвх, чармайлт тодорхойлдог.

Битогтохын Цогнэмэх надад шавьлаад олон он улирч, бид Багш, Шавийн барилдлагаар “гинжлэгдсэн” ч заримдаа хэн нь багшийн эрх эдлэх байр суурь солигддог.

Шавь Б.Цогнэмэх надад гурван ч эрдмээрээ, үүнд, Монголын түүхийн мэдлэг; Монголын сонин, сэтгүүлийн түүчээ сэтгүүлчийн мэргэжилтний авьяас, чадвар; нийгэм-улс төрийн үйл явцын гярхай ажиглалт; хэтдээ зөв нь дандаа батлагддаг дүгнэлтүүдээрээ Багш болдог.

Тэрбээр Улсын драмын эрдмийн театр (УДЭТ)-ын тайзанд жил жил дараалан тавигдаж “хаан” суусан, манай Драмын театр руу үзэгчдийг олон жил ташуурдан хөөж авчирсаар буй “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээс эхлээд олон он хүлээлгэлгүй лавтай тоглогдох нь магад “Хаадын хаан”, “Үнэний хаан Будда” тэргүүт жүжгүүдээрээ Монголын “Жүжгийн зохиолчид”-ын магнайд цахилах болсноороо ганц надад ч бус бусад “мэргэжлийн жүжгийн “зохиолчид”-од ч багшлахуйц алдарт дэвшжээ.

Зохиолч хүний сэтгэлгээний тэлэлт, хөгжил, ур чадварын төгс боловсролтод оюун билигийн орь залуу Манзшир, Эгшиг төгөлдөр охин тэнгэр Янжинлхамын тааллыг олж ивээлд нь бүрэн багтах нэн чухал. “Өөртөө тусалсан хүнд л Бурхан тусалдаг” гэдэг, хэзээний үг юм, хаанахын үг юм, бүү мэд, миний хувьд айхавтар үнэн санагддаг үг цээжинд минь хадагджээ.

Б.Цогнэмэх уран сайхны сэтгэлгээнийхээ цар хүрээг жүжиг, дуурь, кино, тууж, өгүүллэг, эссээ, яруу найргаар тун хурдтай, идэвхтэй тэлж, ур чадварынхаа түвшинг ахиулсаар байгаа нь уншигчдын амнаас байнга сонсогддог. Таны өмнө дэлгэрч буй эл номд шавийн минь дунд сургуулийн арван зургаан наснаас Драмын театрын тайзнаа хана дугуйлах хүртэлх уран бүтээлийн сэтгэлгээний эрэл, оюуны шим буй.

“Сайн нэрийг хүсвээс, муу нэрийг хусваас!” гэдэг. Сайн нэрийг нэгэнт олсон шавьд, үгний илүүд эс эмзэглэн нэмэхэд, сайн алдраа зузаалах, мууг үл халдаахад ямагт хичээлтэй нэг бодол заавал цээжинд хавтаслагдах ёстойг хэн ч бай үргэлж санууштай байдаг нь, “Номыг минь уншихаар худалдан авч буй уншигч бол бараа таваар худалдан авагч биш!” гэх үзэл санааг алдрын ямар ч өндөрт хүрсэн бай, өөртөө хатуу хуульчлах хэрэгтэйг “Сурсан нь бага ч турсан нь их”-ийн эрхээр захьсу!

Улаан ямаат Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ

2020.01.21

Алтан тэвшийн хөндий


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Беларусийн ард түмний тэмцэл Монголын ардчилалд найдвар төрүүлж байна

Дэлхийд нэр нөлөөгөөрөө дээгүүрт ордог ч нэг хүний хэмжээлшгүй удирдлагатай, авторитор дэглэмтэй хоёр том улсын дунд Монгол Улс, Монголын ардчилал оршин тогтнож байна. Хүн ам, газар нутгийн хэмжээгээрээ Монгол Улс хоёр хөршөөсөө хавьгүй бага боловч хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ардчиллыг цогцлоон бий болгож чадсанаараа Азийн өндөрлөгт арай л тод гэрэлтэж байгаа билээ. Ер нь нэг намын нэг хүний байнгын удирдлагад байдаг улс орон энэ дэлхийд цөөн боловч тэд нэгдэж Тусгаар тогтнолын хамтын нийгэмлэг нэрийн дор бодлогоо зангидаж явдаг. Тэнд нийт гишүүн улсуудын бодлого гэхээсээ нэг их гүрний эрх ашиг, бодлого л голлон нөлөөлдөг гэсэн үг. Хуучин социалист орнуудын нэгдэж байсан Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн одоогийн гишүүн орнууд гэвэл Орос, Тажикистан, Киргизистан, Узбекистан, Беларусь, Казахстан, Армен, Азербайжан, Молдав. Эдгээр улсуудад ёсыг бодож Ерөнхийлөгчийн сонгууль болдог ч ардчилсан улсуудад болдог сонгуультай зүйрлэх юм биш. Ямартаа л нэг хүн насаараа төрийн тэргүүнд заларч байхав. Монгол Улс энэ нийгэмлэгт ажиглагчийн статустай байдаг гэдэг. Харин сүүлийн үед Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгт жинхэнэ гишүүнээр орох магадлалтай гэсэн хардлага байгааг үгүйсгэх аргагүй юм. Одоогийн манай төрийн томчууд, дарга нар юм л бол Путин, Си Жинпинь нарыг магтаж, биеэ авч явах байдал, гаргаж байгаа шийдвэрийг нь даган дуурайж байгаа нь нэгийг өгүүлэх мэт. Тэгээд ч Оросын үгнээс гардаггүй социализмын үед энэ нийгэмлэгт ороогүй байж одоо ингэж байгаа нь юуных вэ. Хамгийн тодорхой нэг зүйл бол энэ бүхэн Монголын ардчилал бүдгэрч байгаагийн тод илрэл билээ.

Өнөө зун дэлхийн улс төрийн тавцанд олны анхааралд өртсөн содон үйл явдал өрнөж буй нь Беларусийн эсэргүүцлийн жагсаал. Энэ сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч А.Лукашенко үнэмлэхгүй ялалт байгуулсан нь олон хоног үргэлжлэх эсэргүүцлийн жагсаалын шалтгаан боллоо. Уг нь тэрээр өмнө нь таван удаа бас л ингэж үнэмлэхүй ялалт байгуулж, 1994 оноос өдийг хүртэл улс орноо удирдаж яваа юм. Энэ удаа харин ард түмэн “сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гээд бүгд гудамжиндаа гарч жагслаа. Беларусийн түүхэнд байгаагүй олон хүн жагсаалд оролцож, улам бүр эрчээ авч байна.

Беларусийн ард түмний энэ тэмцэл баруун талаас үүр цайх мэт, монголчууд ардчиллаа хамгаалж үлдэхэд дархлаа болох мэт сайн мэдээ, дэмжмээр үйл явдал боллоо. Ардчилал үүрээ засаад 30 гаруй жил болж буй Монголд бүх зүйл төгс төгөлдөр болоогүй, шинэчилж өөрчлөх, сайжруулах зүйл олон байгаа ч ямартаа ч өнөөдөр монгол хүн эрх, эрх чөлөөгөө мэддэг болсон. Ардчиллын талаарх ойлголттой болж чадсан. Тиймээс гэнэт дотроосоо нэг хүн дарангуйлагч болж гарч ирж чадахгүй. Харин гадны дарангуйлалч хүчин орж ирвэл ард түмэн айгаад хөдөлж чадахгүй байж мэднэ. Өнөөдөр хязгааргүй эрх мэдэлт А.Лукашенко ялагдал хүлээвэл Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын насаараа төр барьж буй Ерөнхийлөгч нар ч мөн унана. Манай хойд, урд хөршийн төрийн тэргүүн нарт ч энэ үйл явдал айдсын дохио болж очно. А.Лукашенко эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахыг гуйж Оросын ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярихдаа “Энэ бол зөвхөн Беларусьт нүүрлэсэн аюул биш. Хэрэв бид эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогсоож чадахгүй бол Орост ч бас нөлөөлнө” гэсэн нь бодит үнэнийг л өгүүлсэн хэрэг.

Беларусьт болж буй үйл явдал бидэнд тун их хамаатай юм. Тусгаар тогтнолтой, эрх чөлөөтэй, ардчилсан үзэл баримжаатай байхын үнэ цэнэ, амин чухал гэдгийг тэр ард түмэн харуулж, сануулж байна. Нэг хүний дарангуйлал хүсэх юм биш гэдгийг Беларусийн ард түмэн цусаараа, амь насаараа тунхаглаж байна. Хэцүү байсан болоод л тэд ингэж цуцаж нугарахгүй тэмцэж байгаа хэрэг. А.Лукашенко жагсагчид дээр очоод “Би та нарыг ажилтай, амьдралтай байлгаж байгаа хүн” гэж хэлсэн ч ажилтай, амьдралтай, аз жаргалтай ард түмэн ингэж жагсаж, тэмцдэггүй гэж жагсагчид бодитоор үзүүлж байна.

Өнөөдөр Монголд ардчиллыг харааж зүхэгсэд маш олон болжээ. Муу бүхэн ардчилалтай холбоотой мэт, болохгүй бүтэхгүй болгон ардчиллаас үүдэлтэй мэт буруутгаж байгаа энэ үед эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа беларусьчуудын тэмцэл нэгийг бодогдуулах биз. Энэ тэмцлийг монголчууд дэмжих ёстой юм.

Categories
мэдээ цаг-үе

З.Болормаа: Хайр гэж тэгвэл яг юу юм бэ. Нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг

– МЭДЭЭЖ АСАР ОЛОН УХАГДАХУУН ХӨНДӨГДӨХ Ч ХАМГИЙН ЧУХАЛ НЬ СЕКС ЮМ-

МОНГОЛЧУУД 50 НАС ГАРААД Л ДАВСАГНААСАА ХАМААРАЛТАЙ АМЬДАРДАГ

Монголчуудын тэр бүр яриад байдаггүй сэдэв бол сексологийн боловсрол. Ярьдаггүй болохоор мэдлэг мэдээлэл хомс. Насанд хүрэгсэд ч нарийн мэдээлэлтэй байдаггүй. Тэгвэл “Ла Санте” эмнэлгийн захирал З.Болормаагийн ярианаас та шинэ содон, тэр бүр хүмүүс яриад байдаггүй ч хамгийн хэрэгтэй мэдээллийг авах болно. Тухлан уншина уу.


-Фитнесс гэхээр хүн бүр мэддэг. харин одоо эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхан буюу “Үтрээний фитнесс” гэсэн шинэ ойлголт гарч ирсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Манайх энэ салбарт эмчилгээ, үйлчилгээ, оношилгоо, зөвлөгөө мэдээллийг нэвтрүүлээд тав дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн сүүлд гаргасан төсөл гэвэл аарцаг ёроолын булчин, үтрээний булчин саажилт гэсэн сэдвээр судалгаа хийсэн. Бидний нөхөн үржихүйн эрхтэн маань маш олон төрлийн булчингаас тогтдог. Булчинг яаж эрүүл, хэвийн байлгах, өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх, хэрхэн өвчлөлгүй хадгалж чадах вэ гэхээр өөрөөр нь хөгжүүлэх ойлголт нэгдүгээрт тавигддаг. Таргалалт, хэвлийн даралт, жирэмсэлт, төрөлт, өтгөн хаталт зэрэг маш олон шалтгаанаас булчингийн алдагдалд ордог. Булчин сулралаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, энгийн арга бол дасгал хөдөлгөөнөөр сэргээж, нөхөн төлжүүлэх юм. Кегель хэмээх эрдэмтэн кегелийн дасгал буюу үтрээ, аарцаг ёроолын булчингийн дасгалыг гаргаснаар дэлхийд сая сая хүмүүс энэ дасгалыг хийж, бие, сэтгэл зүй эрүүл мэнд болон гэр бүлийн харилцаандаа асар олон эерэг өөрчлөлтүүд гардаг гэдгийг ухааруулсаар байна. Гадны орнуудад яалт ч үгүй үтрээний фитнесс талаасаа хөгжсөн байдаг. Манайх 2019 оноос энэ чиглэлээр судалгааны ажлууд хийж дуусаад 2020 оны нэгдүгээр сараас үйлчилгээндээ нэвтрүүлээд байна.

-Гар, хөл, цээж, гэдэсний гээд ил харагдах булчингуудаа фитнесст явж хөгжүүлж, гоё болгож болдог. нөхөн үржихүйн энэ далд булчингууд хэр хурдан сэргэх вэ?

-Хүний хамгийн хүчтэй булчин гэж хэлж болно. Яг эмэгтэйчүүдийн булчин дээр анхаарлаа хандуулаад үзэхээр сав, умай маань дүлий эрхтэн. Улайж, шархлаад үрэвсээд байсан ч өвдөлт зовиур илэрдэггүй учраас тэр бүр мэдэгддэггүй. Олон жил ингээд явж болдог. Гэтэл булчингийн бүтэц маань маш их судасжилт, цусан хангамж булчин хоорондын мэдрэлжүүлэлтээр тэжээгдэж байдаг. Бусад булчингаас илүү нарийн мэдрэлжүүлэлттэй. Тиймээс онцлог нь бидний ярьдаг дур тавилт. Сексологи, секспаталоги тархитай хамааралтай маш нарийн сэрэл мэдрэмж эмэгтэйчүүдийн үтрээнд, эрчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнд байдаг. Булчин бол хүндийн, хөдөлгөөний, гүнийн, өнгөц булчин гэх зэргээр өөр өөр бүтэцтэй байдаг ч сэргээгдэхдээ их амархан. Бусад булчингуудаас илүү богино хугацаанд үр дүн гардаг.

-Үтрээний фитнессийг эмчилгээний нэг төрөл гэж үзэж болох уу?

-Болно. Нэгд, эмчилгээний нэг төрөл, хоёрт, элдэв эмгэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, гуравт бэлгийн харилцааны насжилтыг удаашруулах гэдэг хамгийн том ухагдахуун юм. Энэ дасгалыг хийгээд, дотоод гоо сайхны фитнессээр хичээллэснээр эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл улам бүр л нэмэгддэг. Мөн эрчүүдэд зориулсан пенис фитнессийг эмчилгээндээ нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр бас л эрчүүдийн нөхөн үржихүйд тулгамдсан асуудлыг шийднэ. Аарцаг ёроолын булчинг чангалж дур тавилтын мэдрэмжийг улам сайжруулж бэлгийн харилцааны контролыг чадавхжуулна гэсэн үг. Гадны орнуудад эдгээр дасгалууд их чухал, бусад дасгалаар хичээллэхээс өмнөх суурь болж өгдөг. Бид гадна биедээ анхаараад, нүүрний арьсаа арчилж, гоё боди биетэй болоод өөртөө итгэлтэй алхдаг. Гэтэл амьдралын чанар, сэтгэл зүй, дотоод асуудалд хамгийн чухал нь важайна фитнесс юм. Энэ нь эрүүл мэндтэй салшгүй хамааралтай. Ер нь дур тавилт гэдэг гэр бүлийн бие болоод сэтгэл зүйн асар том гол хүчин зүйл зүрх нь байдаг. Хүний дотоод булчингууд хөгжсөөр дур тавилтын оргил мэдрэмжийг мэдэрч дур тавилтаа хүссэнээрээ удирддаг.

-Манайхан мэдээлэл дутуугаас ч болдог уу, “зүгээр болоод л байгаа юм чинь яагаад заавал ийм дасгал, эмчилгээ хийх ёстой гэж” боддог. Ер нь дотоод гоо сайхны фитнессийг яагаад хийх ёстой юм. Үр дүн нь юундаа байна вэ?

-Би өвддөггүй, зүгээр хүн гээд өөрсдийгөө орхиж болохгүй. Зүгээр байх тусмаа энэ фитнессээр хичээллэх маш чухал, үр дүн нь гайхалтай байх болно. Энгийнээр хэлбэл, сексологийн боловсролтой, өндөр мэдрэмжтэй хүний бие физологи, зүрх судас, тархи мэдрэлийн үйл ажиллагаа, тэр бүү хэл ажлын бүтээмж, санхүүгийн чадамжийн хувьд ч өндөр байдаг. Энэ булчинг хөгжүүлэх дасгал хийснээр сексийн мэдрэмж хамгийн өндөр цэгтээ очдог. Зөвхөн өөрөө төдийгүй нөхөртөө ийм сэрэл мэдрэмж өгч чаддаг. Үтрээний фитнесс бол секс рүү хандсан хамгийн чухал эмчилгээ, дасгал юм. Одоо байгаагаасаа илүү гоё болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Бэлгийн харилцааны насжилт гэж бид ярьдаг. Тухайлбал, 50-60 насанд ихэнх гэр бүлийн бэлгийн харилцаа нь зогсонги байдалд ордог. Тэгвэл пенис фитнес, важайна фитнесийг 20, 30 настай хүн ч хийх ёстой. Энэ нь сексийн насжилтыг удаашруулж, чадавхтай чигээр нь хадгална гэсэн үг. Өнөөдөр энэ фитнессээр хичээллэснээр ирээдүйн 30, 40 жилийн идэвхтэй амьдралаа хадгалж үлдэх боломжтой.

-Дотоод гоо сайхны фитнесс, дасгалыг яаж хийж сурах вэ. Заалгах ёстой юу?

-Ганцаарчилсан сургалтаар заадаг. Эхлээд тухайн хүний булчинг нь төдийгүй буруу рефлексүүдийг оношилно. Ингээд эмч, дасгалжуулагч нарынхаа дэргэд, аппарат тоног төхөөрөмжөөр дасгалаа зөв, буруу хийж байгаагаа бүрэн хянаж, шалгуулаад зөв болгож программчлаад олон олон дасгалууд хийнэ.

-Таны нэг LIVE-ийг харж байхад танай фитнессийн эмэгтэйчүүд үтрээгээрээ 1-3 кг жинтэй туухай өргөж байсан. Тийм боломж хүн бүрт байдаг уу?

-Байлгүй яахав. Хүндийн өргөлтийн тамирчид өргөх жингээ өдөр өдрөөр нэмсээр байгаар 100, 200 кг өргөдөгтэй зарчим нь яг адилхан. Эхлээд та өөрийнхөө үтрээний булчин хэдэн гр, кг даах боломжтой вэ гэдгээ тодорхойлуулна. Яг бодит байдлаа тодорхойлуулна гэсэн үг. Түүний дараа булчиндаа таарсан ачаалалтай дасгалаа багш эмч нартайгаа хамтраад хийнэ. Долоо хоногийн дараа, сарын дараа хэдэн кг өргөх чадамжтай болж сайжирч байна гэдгээ өөрөө хянаад явах боломжтой. Энэ булчингийн хүч сайжрах тусам тэнд очиж байгаа цусан хангамж, шим тэжээл, сэрэл мэдрэлжүүлэлт бүгд сайжраад ирнэ. Үр дүн гэвэл шээс задгайрал, хуурайшилт, цагаан мах, эмэгтэйчүүдийн давсаг умайн унжилт, бэлгийн харьцаанаас мэдрэмж авдаггүй байдал гээд маш олон зовиур бүрэн арилна. Өнөөдөр байгаа мэдрэмж нь илүү сайжирна. Өдөр өдрөөр л илүү гоё мэдрэмжтэй болж байгаагаа өөрөө мэдрээд явна.

-Нөхөн үржихүй, бэлгийн боловсролын асуудал монголчуудын хаалттай далд сэдвийн нэг. Энэ хэрээрээ хүмүүсийн мэдлэг мэдээлэл хомс байдаг. Уг нь энэ талаар хамгийн сайн мэдлэг мэдээлэлтэй байх ёстой биз дээ?

-Миний хувьд гадна оронд ингэдэг тэгдэг гээд магтаад яриад байх дургүй. Гэхдээ бэлгийн боловсрол, нөхөн үржихүй, сексологи гэсэн сэдэв дээр манайхан яалт ч үгүй хоцрогдмол, хаалттай байдаг. Ийм сэдэв ярихаар ичдэг, санаа зовдог учраас хөгжил бага байдаг. Гэтэл энэ сэдэв чинь хүн төрөлхтний мөнхийн чухал асуудал. Бид нөхөн үржихүй, сексийн боловсролтой болж, өөрийгөө таньж мэдээд ирэхээр амьдралын чанар сайжирч, гэр бүлийн халуун дотно уур амьсгал бат тогтдог. Нөхөн үржихүйд тулгамдсан өвчлөлүүд болох давсаг, умай, үтрээний өвчлөлүүд эрчүүдийн түрүү булчирхайтай холбоотой өвчлөлүүд бэлгийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн сулрал гээд бие болоод сэтгэл зүйн өвчлөлүүд бүгд илааршиж мөн олон өвчлөлөөс урьдчилан сэргийлэгдэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаас амьдралын чанарыг бууруулдаг 10 өвчлөлийн нэгэнд шээс задгайрлын өвчин явж л байдаг. Гэр бүлийн харилцаа, хандлага, халамж хайр гээд л бид ярьдаг. Хайр гэж тэгвэл яг юу юм бэ. Нэг их хийсвэр ойлголт л яваад байдаг. Гадны оронд хайр бол секс юм л гэдэг. Би ч гэсэн хайр бол секс юм гэж боддог. Мэдээж асар олон ухагдахуун хөндөгдөх ч хамгийн чухал нь секс юм. Бэлгийн харьцааны үед бие биедээ дасан зохицох байдал, уусан нэгдэх өөр хэнээс ч юунаас ч авч чадахгүй тэр мэдрэмжийг мэдэрч байж бие биенээ нэг хүн шиг ойлгох дараагийн халамж хандлагууд бий болдог. Секс гэдэг бол хүн бүртэй хийгээд яваад байдаг зүйл ерөөсөө биш шүү дээ. Сексологийн мэдлэг, боловсролгүйгээс л бэлгийн задгай харилцаатай хүн бий болдог.

-Ингэж нээлттэй, чөлөөтэй, мэдээлэлтэй ярьдаг хүн цөөн байдаг. Ярьсан ч ямар нэгэн шийдэл хэлдэггүй байсан. харин та мэдээлэл өгч, эрүүл байх арга замыг нь зааж өгч байна…

-Үтрээ бол тэг чигтээ булчин. Үүнийг анатоми талаас нь судалж байж ойлголт илүү нарийн задарч байгаа юм. Манайд үтрээний булчинг нарийвчилж судалсан газар байхгүй. Одоо манай баг, хамт олон “Эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, шээс зайдгайрал зэргийг мэсийн бус аргаар сэргээн засах технологиор мөн кегель дасгал, үтрээний фитнессээр хэрхэн үр дүнтэй шийдэх вэ гэсэн судалгааны ажлыг Монголд анх удаа хийж байна. Оны өмнө судалгааны ажил маань дуусна. Өнөөдрийн байдлаар маш өндөр үр дүнтэй явж байна.

-Та бол эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны фитнессийн дасгалжуулагч багш. Энэ мэргэжлийг хаана эзэмшсэн юм бэ?

-Би франц школтой. Манай багийнхан жилд 1-2 удаа Францад очиж сургалтуудад хамрагддаг. Эсвэл франц эмч нарыг урьж Монголдоо сургалт зохион байгуулдаг. Мөн улирал, сар тутам болдог онлайн хэлбэрийн сургалтуудад байнга хамрагддаг. 2019 оноос Пенис фитнесс буюу эрэгтэйчүүдийн дотоод булчинг хөгжүүлэх, нэг ёсондоо бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлуудаас урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор Италийн сургалтуудад хамрагдаад явж байна. Эрэгтэй, эмэгтэй гэр бүлээр нь хосолсон байдлаар сэргээн засах, урьдчилан сэргийлэх, бэлгийн насжилтыг уртасгах сургалтуудад хамрагдсан.

-Энэ фитнессийг манайхан хэр их сонирхож байна. Хүмүүс ирж байна уу?

-Анх бид 2016 онд “Ла Санте” эмнэлгээ нээгээд аарцаг, ёроолын булчинг сэргээн засах, урьдчилан сэргийлэх эмнэлэг гэхэд хүмүүс бараг ирдэггүй байсан. Энэ бол бидний сексологийн боловсролын түвшин ямар байгааг харуулж байгаа юм. Хүмүүс эхэндээ ойлгохгүй, ирэхгүй, бидэнд ханддаггүй байлаа. Тэгэхээр нь бид “Үтрээний булчин чангална, бариу болгоно” гэсэн чинь маш олон хүн ирсэн, үйл ажиллагаа маань ч жигдэрсэн. Үүнээс хойш гурван жилийн дараа би “Давсгандаа дарлуулсан монголчууд” гэсэн нийтлэл бичсэн. Монголчууд 50 нас гараад л давсагнаасаа хамааралтай амьдардаг. Хүн хүссэн үедээ, дуртай цагтаа бүх эрхтнээ удирдаж чаддаг байх ёстой байтал эрхтэндээ удирдуулаад байдаг. Бүх биеэ давсагандаа удирдуулаад явдаг. Хол замд сэтгэл амар амгалан ч явж чадахгүй болдог. Давсагандаа дарлуулаад ирэхээр уух, идэхээ хорьж хязгаарладаг. Идэж уух юмнаасаа кайф авч чадахаа болино гээд сэтгэл ханамжгүй болоод ирнэ. Бид угаасаа л насны өвчин, ийм байх ёстой гэсэн ойлголттой байдаг. Гэтэл ийм зовлон зовиураас аль эрт урьдчилан сэргийлж, ирээдүйд давсагандаа дарлуулахгүй амьдарч болно. Арьсаа залуу сайхан чигээр нь хадгалдаг шигээ дотоод гоо сайхнаа ч мөнхийн залуугаар нь хадгалж авч үлдэх боломжийг бий болгож, энэ ойлголт, мэдлэг мэдээллийг улам илүү түгээхийн төлөө л хичээж зүтгэж явна.

-Энэ фитнессийг төгсөөд гарсан хүмүүс багшдаа юу гэж хэлдэг вэ?

-Манайд ирсэн 65 настай эмэгтэй анх үтрээн дотроо 70 гр болл хийгээд тогтоож чаддаггүй байсан. Хоёр сарын дараа гурван кг өргөдөг болсон. Сэтгэл зүй болоод амьдралд нь гайхалтай өөрчлөлт гарсан. Төгсөхдөө надад “Би ингэж чин сэтгэлээсээ талархаж, шүтмээр мэдрэмжийг амьдралдаа маш цөөн авч байсан. Өдөр тутамдаа хэлдэг “баярлалаа” гэдэг үгэнд тэр бүр чин сэтгэл байдаггүй. Одоо бол үнэхээр чин сэтгэл шингэсэн, арай өөр үнэ цэнэтэй “баярлалаа” гэж танд, танай хамт олонд хэлмээр байна” гэсэн.

-Та бол үтрээний дасгалжуулагч багш. нууц биш бол өөрөө хэдэг кг жинтэй туухай өргөдөг вэ?

-Би энэ талаар байнга судалж байгаа ч тууштай хичээллэж эхэлсэн нь нэг жил орчим. Одоо бол 4-5 кг-ыг өргөнө. Дэлхийн рекорд бол арав хорин жил хичээллээд 7-8 кг-ыг л даадаг. Франц докторууд Монголд ирж гурав дахь удаагаа үзлэг хийсэн. Өнгөрсөн жил ирээд “монгол хүмүүсийн булчингийн чанар бол гайхамшигтай юм. Дэлхийн бусад орныхтой харьцуулшгүй чанартай байна. Танай эмнэлэгтэй хамтарч монгол хүний булчингийн чанарт судалгаа хиймээр байна” гэж хэлсэн. Булчингийн чанар гэдэг бол сэргэх, сэргэснээ маш удаан барих чадварыг л хэлээд байгаа юм. Тэгэхээр манайхны булчин маш хурдан сэргэдэг гэсэн үг.

-Фитнесст явсан хүмүүс дунджаар 3 кг орчим өргөдөг болдог уу?

-Нэг кг өргөнө гэдэг бол өөрөө маш том үзүүлэлт, өндөр үр дүн. Энэ ярилцлагыг уншиж байгаа эмэгтэй өөрийгөө хэр чадамжтай байгааг үзэх гэж сонирхож магад. Тэгвэл кегель болл үтрээндээ байрлуулаад, доод талын уяанаас 100, 200 грамм жинтэй зүйл уяж, хоёр хөлөө нэлээн сайн тэлж доошоо суугаад үзээрэй. Тэгэхээр хэр зэрэг тогтоож чадах нь вэ гээд үзэхэд л бодит байдал харагдаад эхэлнэ. Эхэндээ дал, наяхан грамм кегель боллыг барьж чадахгүй алдаад байдаг. Ер нь үтрээгээрээ нэг кг-ыг л өргөдөг болоход тэр хүний бие физологи сексологи гэр бүлд тулгамдсан асуудлууд бол 100 хувь шийдэгддэг. Ирээдүйн сексийн насжилт уртасна гэдгийг бардам хэлнэ. Нэг кг-аас дээш барьж чаддаг хүн бол Тайландын шоу шиг тамхи татах, хушга хагалах гэх мэт төгс хэмжээнд очиж байна аа л гэсэн үг. Эрчүүд мөн Пенис фитнессийг хийхдээ бас л ялгаагүй бэлэг эрхтэнээ хөвчрүүлж байгаад эрхтэнээрээ хүндийн жинг өргөөд үзнэ дээ.


Categories
мэдээ цаг-үе

Монголдоо хайргүй Монгол

Энэ эмнэлгийн хаалгаар орохоос халшрам. Хэн нэгнээ хөтөлсөн, тэргэн дээр түрсэн баргар царайтай хүмүүс зөрөлдөнө. хавдартай гэсэн нэгнийхээ оношийг сонсоод айж сандарсан гэр бүлийнхэн. Эсвэл хавдраа авахуулах хагалгаанд орсон нэгнийгээ хүлээх хэсэг хэсэг хүмүүс. Бүгд л айсан түгшсэн, сандарсан байдалтай. ингээд зогсохгүй, эмчид үзүүлэх, хагалгаанд орох, хагалгааны дараа эмчилгээнд орох гэж хэдэн долоо хоног, сараар хүлээнэ. Бүгд л бусдыг гуйсан царайчилсан харцтай. Эмнэлэг нь ч ялгаагүй. Олны хөлд дарагдан навсайсан нэг тийм гунигтай орчин… Эмч нар нь зогсоо чөлөөгүй хүн үзэж, хагалгаа хийж, эмчилгээ эхлүүлдэг ч өнөө урт дараалал, хүлээлт бахь байдгаараа. Төрийн бодлогоос гээгдэж хоцорсон саарал орчин, хүний урсгалдаа дарагдсан их хөлийн газар бол хавдар судлалын үндэсний төв. монголдоо хавдрын цор ганц мэргэшсэн эмнэлэг.

Энэ эмнэлгийг санах бүрийд яагаад монголчууд ийм эмгэнэлтэй амьдарч байгаад сэтгэл шимширдэг. Яагаад монголчуудыгаа ийм эмгэнэлтэй амьдруулж байгааг ойлгодоггүй. Хэн ч өвдөж зовж болно. Гэхдээ өвдөж зовсон хүн эмнэлгийн тусамж үйлчилгээг саадгүй чөлөөтэй авч байх эрхтэй. Харин хавдраар өвдсөн монгол хүнд ийм эрх алга. Яагаад гэвэл эмч, эмнэлгийн ор хүрэлцдэггүй. Бүр эм тариа нь хүрэхгүй дуусчихдаг гэвэл Та итгэх үү. Тиймээс хүн гуйж царайчилж байж нэг хоногийн ч өмнө болов хэвтэхээр эмч, эмнэлгийн хамааралтай хүнийг хайж олох эрэлд гардаг.

Бодит түүх өгүүлье. Д.Нямаа гуай хотын иргэн. Илт бие нь өвдөж шаналдаггүй ч, ядрах, өтгөн хатах, гүйлгэх зэрэг шинж бага зэрэг гардаг болсон болохоор хоёр жилийн өмнө урьдчилан сэргийлэх үзлэгээр нэгдүгээр эмнэлэгт гэдсээ дурандуулаад шулуун гэдэсний хавдартайгаа мэджээ. Нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд ороод, туяа, хими эмчилгээ хийх шаардлагатай учраас ХСҮТ-д ирж бүртгүүлсэн. Зургаан сар химийн эмчилгээ хийлгэсэн ч өнгөрсөн жил хавдар нь сэдэрч үсэрхийлсэн учраас дахин химийн эмчилгээ эхлээд байгаа юм байна.

Д.Нямаа гуайн ярьснаар эмнэлгийн үйлчилгээ авах шиг хэцүү, хүндрэлтэй зүйл алга аж. Тэрээр “химийн эмчилгээнд орж байгаа хүн 21 хоноод давтан орох ёстой байдаг. Гэтэл өнөөдөр эмчдээ үзүүлэхэд шинжилгээгээ өг гэдэг. Шинжилгээгээ өгөөд хариугаа авна. дахин дугаар авч эмч дээрээ орно. Жишээ нь, би 21 хоноод эмчилгээнд орох ёстой байтал тэр хугацаандаа яагаад ч орж чаддаггүй. Ачаалал дэндүү их. 30-45 хоногийн дараа л хэвтэх дугаар авдаг. Би энд ирээд монголчууд хавдраар ингэж их өвддөгийг хараад үнэхээр гайхсан. Маш хэцүү. Би сарын 5-нд бүртгүүллээ гэхэд дараа сарын 5 хавьцаа л хэвтэнэ гэсэн баримжаатай. Хэвтэх дугаар олдохгүй удаан хүлээнэ. Ийм зовлон энд эмчлүүлдэг хүн бүрт тохиолддог” хэмээн ярьж байлаа. Нэгэнт хэвтсэн тохиолдолд химийн тариа, хордлого тайлах дуслыг үнэ төлбөргүй хийдэг аж. Өвчтөнүүд үүний хажуугаар ходоод, элэг хамгаалах эм тариагаа өөрсдөө авч хийлгэнэ. Эдгээр эмний нэг өдрийн үнэ нь 40 гаруй мянган төгрөг. Эмнэлгээс гараад мөн л хордлого тайлах тариа хийхгүй бол дотор муухайрах, бөөлжис хүрэх, хоол идэх дуршилгүй болох зэрэг хордлогын шинжүүд арилахгүй зовоодог гэнэ. Энэ бүхэнд хувь хүмүүс өөрсдөө эм тариагаа авдаг. Нийт нэг удаагийн эмчилгээнд 200 гаруй мянган төгрөг хувиасаа гаргадаг. Үүний хажуугаар үнэтэй томографын зураг авахуулна. Хавдартай хүмүүс группийн мөнгө гэж 350 мянган төгрөг авдаг. ийм орлоготой хүмүүс эм тариагаа яагаад ч дийлдэггүй. Ёстой л ах дүүс, ойр дотныхныхоо тусламжаар болдог. “их хэцүү шүү, бие өвдөхийн хажуугаар эдийн засгийн хувьд сөхрүүлдэг” гэж Д.Нямаа гуай шүүрс алдан ярьсан. Гэхдээ тэр хэцүү бүхнийг уйлж дуулаад давж яваа дайчин эмэгтэй.

Д.Нямаа гуайн чин хүсэл гэвэл эмчилгээндээ хугацаандаа орох. энэ бол хсүТ-д эмчлүүлж яваа бүх хүний чин хүсэл.

Д.Нямаа гуайтай ярьж суутал “Чи нэг дэх өдөр энд ямар байдаг гэж бодож байна” гэж асууснаа хариу хэлэхийн завдалгүй “Хөл тавих зайгүй шд. Энд тэндгүй оочерлож хүлээсэн хүмүүс пиг. Эгч нь ноднин зургаан удаа хими эмчилгээнд, 30 удаа туяанд орсон. Маш хүнд эмчилгээ. Хордлого тайлагдахгүй, дархлаа унана. Гаднаас маш үнэтэй эм тариа хувиараа авч хэрэглэдэг. Нэг уураг гэхэд л 250 мянган төгрөг” хэмээн гунигтай дуугарав. Хоёр жилийн хугацаанд хэр их зардал гаргасныг нь сонирхоход “Өвдсөнөөс хойш 10 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Он гараад дөрвөн ч удаа хагалгаанд орчихож. Улсаас үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа ч яалт ч үгүй хувиасаа эм, тариа авах шаардлага гардаг” гэж байна. “Ийм үед ядаж хугацаандаа эмчилгээндээ орж байвал бас сэтгэл амар байхсан” хэмээн тайвшруулах санаатай дуугарахад нэг их уртаар санаа алдсанаа “Тэгэлгүй яахав. Эмнэлэгт хэвтэх болохоор хоногоо тоолоод хүлээгээд суучихдаг. Нэг дэхэд дуудах болов уу, эсвэл тав дахид ир гэх юм болов уу утсаа чагнаад эхэлнэ шүү дээ. Сэтгэлийн дарамт шаналан юм даа. Миний өмнө орох оочертой хүмүүс ороогүй байхад адилхан өвдөж зовж байж “би орно” гээд дайрах хэцүү. Хүлээхээс өөр аргагүй. Дөнгөж 20 гарч байгаа залуус ирж байна. Үнэхээр хэцүү. Энэ өвчин бие сэтгэл болоод айл гэрийн санхүүг мөлхүүлнэ шүү дээ. Миний хавдар үсэрхийлсэн болохоор эмнэлгийн зүгээс бай эмчилгээ санал болгосон. Бай эмчилгээ хавдрыг вакумжуулаад зогсоочихдог юм байна. Гэтэл нэг удаагийн эмчилгээнд гурван сая төгрөг хувиасаа гаргаж хийлгэнэ гэдэг чанга. Зургаан удаа ороход 18 сая төгрөг. Группийн мөнгөнөөс өөр орлогогүй би хаанаасаа ийм мөнгө олох билээ, чадахгүй” гээд эмчилгээндээ яарав.

Эгчийн яриа нэг хувь хүнийх мэт боловч хавдраар өвдсөн хүмүүст байдаг л нийтлэг зовлон, тойрч гарах аргагүй бэрхшээл юм. Олон удаа хагалгаанд орсон болохоор Д.Нямаа эгч тэргэнцэр дээр суудаг. Ээжийгээ сахих арав гаруйхан настай дэрмэгэр жаахан охин ч энэ бүх зовлонг биеэрээ туулж явна.

Химийн тасгийн хэвтэж эмчлүүлэх өрөөнүүд нам гүм. Олон цагийн химийн дусал тариа залгуулсан хүмүүс тамирдаж ядардаг болтой. Тасгийн үүдний том өрөөнд өдрийн эмчилгээнд орж буй хүмүүс мөн л дусал залгуулан эгнэн суужээ. Хөгшин залуу гээд нас насны хүмүүсийн ихэнх нь үсээ хусуулжээ. Ядрангуй шаргал царайтай эмэгтэйг Б.Шүр гэдэг. Өвөрхангайгаас ирсэн тэрээр хими, туяа эмчилгээнд хавсарч орж байгаа аж. Мөн л эдийн засгийн хувьд туйлдаж яваагаа ярив. Түүний дэргэдэх сандал дээр химийн дусал хийлгэж буй эмэгтэй хорт хавдрын улмаас гурав дахь удаагаа хагалгаанд ороод байгаагаа ярьж, мөн л хугацаандаа эмчлүүлэх чин хүсэлтэй байгаагаа дуулгав. Биднийг ярилцах зуур дэргэдэх хүмүүс ч мөн ярианд оролцож саналаа хэлж эхэллээ. Бүгд л “Яг хугацаандаа эмчилгээндээ орж баймаар байна” гэцгээсэн юм. Химийн эмчилгээг 21 хоногийн тэр схемийн дагуу л хийхгүй бол үр дүн багасдаг гэдэг болохоор тэдний ингэж хүсэх нь аргагүй л дээ.

Өнгөрсөн онд л гэхэд 7000 шахам хүн хорт хавдартай гэж шинээр оношлогджээ. Нийт 20 гаруй мянган хүн хорт хавдрын улмаас эмнэлгийн хяналтад байдаг юм байна. Тэд хотын төвд шахуу байрлах хавдрын төвийн жижигхэн шар байшинг элэгдтэл эргэлддэг. Тэдний зовлон тэндээ л оволзож байна. Энэ олон жилүүдэд тийшээ өнгийж харсан, санаа тавьсан, асуудлыг олж харсан хүн хэр олон байгаа бол. Хэрэв жаахан ч гэсэн анхаарсан бол өнөөдөр хүмүүс эмчилгээний оочер хэдэн сараар хүлээж, өвдөж шаналж, сөхөрч сөгдөхгүйсэн.

Өнөөдөр монголчууд бие биенээ хайрлаж байна уу, Монголын төрд иргэнээ гэсэн элэг зүрхний бодлого байна уу гэсэн асуулт ХСҮТ-д саатах хугацаанд толгойнд эргэлдсээр байсан юм. Эм тариагүй, хэвтэх ор олдохгүй хүлээж суугаа нэгэндээ сэтгэл гаргаж, мөнгө хуваарилахдаа харамлаж байна. Өнөө муу өвчтөнүүдээ багтааж чадахаа байсан навтгар шар эмнэлгийг доог тохуу хийж байгаа мэт яг дэргэд нь цэрэг, цагдаагийн гоёмсог шилэн барилгууд нүд гялбуулан сүндэрлэн босч байна. Тэнд монголчуудыгаа шийтгэж яллах таатай орчинг бий болгох их ажил өрнөж байна. Монголдоо хайргүй Монгол л гэж энэ байх…

Д.АЛТАНЦЭЦЭГ: ХАВДРЫН ЭМНЭЛГИЙН ТӨСӨВ ХААНАА Ч ХҮРДЭГГҮЙ


ХСҮТ-ийн Химийн эмчилгээний тасгийн эрхлэгч, хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч Д.Àлтанцэцэгтэй эмнэлгийн ачаалал, эмчилгээний хүртээмжийн талаар ярилцлаа.


-Химийн эмчилгээний тасаг маш их ачаалал, хүлээгдэлтэй байдаг. Одоо танай тасагт хэдэн хүн эмчлүүлж байна вэ?

-Долоо хоногт химийн эмчилгээний тасгаар 60 гаруй, өдрийн эмчилгээгээр 75-80 хүн, жилдээ 6100 орчим хүн эмчилгээ хийлгэдэг. Өнөөдрийн байдлаар тасагт 21 хүн эмчлүүлж байна. Өдрийн эмчилгээнд 30 гаруй хүн бий.

-Өдрийн эмчилгээнд арай хөнгөн хүнээ авдаг уу?

-Цөөн 1-2 өдрөөр эмчлүүлэх боломжтой хүнийг авдаг. Голдуу 46-48 цагаар эмчилгээ тасралтгүй хийгддэг хүмүүсээ тасагт хэвтүүлэхийг чухалчилдаг боловч өвчтөн өөрөө хэвтэж хийлгэхийг хүссэн, эсвэл өндөр настай, өдрөөр явах боломжгүй хүмүүсийг бас хэвтүүлэн эмчилдэг.

-Хими эмчилгээний урт хугацааны хүлээгдэл, дараалал юунаас болж байна вэ?

– Химийн эмчилгээний тасаг хэвтэн эмчлүүлэх 20 ортой. Өдрийн эмчилгээнд өдөрт 30 гаруй хүн авах боломжтой. Гэтэл 2019 онд л гэхэд манайд 7000 шахам хавдрын шинэ тохиолдол оношлогдсон. Тэдний 50 орчим хувь нь хими эмчилгээ хийлгэсэн байна. Тэд хавдрын үе шатаасаа хамаараад химийн эмчилгээнд олон удаагийн давтамжтай орох ёстой. Хамгийн багадаа 6-8 удаа ордог. Хэрэв эмчилгээ хийх явцад хавдар дахих, эсвэл өөр газар үсэрхийлэл гараад ирвэл эмчилгээний схемээ сольж, тариагаа өөрчилдөг. Энэ тохиолдолд дахиад химийн эмчилгээгээ шинээр эхэлдэг. Хавдрын дахилт, үсэрхийлэл илрээгүй, төлөвлөсөн эмчилгээ дууссан бол хяналтдаа авдаг. Байгууллагын төсвийн тодорхой хувийг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болсноор өдрийн эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдсэн хэдий ч сард хэрэглэгдэх эмийн төсөв сарын эхний 14 хоногт дуусан дахиад л эмчилгээ тасалдах, өвчтөн өөрөө эмээ худалдан авах, эсвэл дараагийн сарыг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрдэг.

Хөдөө орон нутаг, улсын хэмжээний үйлчилгээ үзүүлдэг төв учраас бүх хүмүүс манайх руу ирэх сонирхолтой байдаг. Хавдрын химийн эм өндөр үнэтэй, тэр өртөг зардлыг төр даах хуультай ч эмнэлгүүдийн төсөв хүрэлцдэггүй, химийн өдрийн эмчилгээ нь даатгалд орсон боловч даатгалаас авч байгаа мөнгө нь бодит зардлаа нөхөх боломжгүй шалтгаанаар дүүрэг, орон нутгийн эмнэлгүүд хавдрын химийн эмчилгээ хийх дургүй байдаг.

-Жилээс жилд хавдрын өвчтэй хүмүүс нэмэгдэж байна. Ийм байхад эм тарианы төсвөө нэмж болдоггүй юм уу?

-2010 онд манай эмийн төсвийн 18 хувийг химийн эм эзэлж байсан. 2018 оноос манай эмийн төсвийн 22-25 хувийг химийн эм бэлдмэлд зарцуулж байна. Харахад химийн эмчилгээнд зарцуулж байгаа мөнгө өсч байгаа мэт боловч валютын ханш, бусад зардлаас болоод дорвитой өсөлт болж чаддаггүй. 2018 онд химийн эмчилгээнд 5500 хүн эмчлүүлж байсан бол 2019 онд 6100 болж 11 хувиар өссөн. 2019 онд бид тендерээр 1,2 тэрбум төгрөгийн эм бэлдмэл авсан ч эмчилгээнд хүрээгүй тул 223 сая төгрөгийн эм бэлдмэлийг нэмэлтээр авч хэрэглэсэн.Гэтэл энэ бол зөвхөн өргөн хэрэглээний химийн эм бэлдмэл авсан дүн. Өндөр үнэтэй бай эмүүд ороогүй шүү.

-Бай эмчилгээ даатгалд байдаггүй учраас хувь хүмүүс өөрсдөө худалдаж авч хийлгэдэг гэсэн үү?

-Тэгдэг. Манай эмч нарын хийсэн судалгаагаар 2017 онд хөхний хавдрын үед хэрэглэдэг трастузумаб бай эмчилгээг 30 гаруй хүнд хийх ёстой байснаас зургаан хүн л өөрөө авч, бусад нь хөрөнгө мөнгөний боломжгүй гээд авч чадаагүй байна. 2018 оноос эмнэлэг эмийн төсөвтөө багтаан хоёр төрлийн бай эмийг цөөн тоогоор авч эмчилгээнд хэрэглэсэн. Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сараас он дуустал хөхний хавдрын улмаас 54 хүн, ходоодны хавдрын улмаас гурван хүн трастузумаб бай эмчилгээ хийлгэсэн. Хөхний хавдрын үед энэ бай эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн бүтэн жилээр буюу 18 удаа хүртэл хийх ёстой. (хөхний хавдартай бүх хүнд хийдэггүй) Гэтэл энэ бай эм нэг удаа авч хийлгэхэд үйлдвэрлэгчээсээ хамааран 1,7 саяас 2,3 сая хүртэл төгрөгийн үнэтэй. Энэ бай эмийг хэрэглэж байх явцад хавдар дахих юм бол дахин өөр төрлийн бай эмчилгээ хийдэг. Энэ үед нэг сар уух эм нь л таван сая төгрөгийн үнэтэй. Заалт нь өвчин даамжрах хүртэл ууна. Тэгэхээр хэдэн сар ч ч ууж болно гэсэн үг. Хагас жил уулаа гэхэд 30 сая төгрөг хэрэгтэй болно. Манайд хоёр жил шахам бай эмчилгээ хийлгэж байгаа хүн бий. Тэр хүн өнөөдрийг хүртэл эмэндээ 60 сая төгрөгийг хувиасаа зарцуулсан байх жишээтэй.

-Хүмүүс өөрөө хүсвэл аваад хийлгэдэг юм уу?

-Бид оношоо тавиад “Боломжтой бол химийн тариан дээр чинь ийм эмчилгээ нэмж хиймээр байна” гэсэн санал тавьдаг. Нэг удаа хийхэд 3 сая төгрөг шаардлагатай бай эм ч бий.Хүмүүс эхний нэг хоёр удаагийнхыг бол аваад хийлгэчихдэг юм. Сүүлдээ боломжгүй гээд эмчилгээгээ орхих тохиолдол бий. Энэ бол хожуу үеийн үсэрхийлсэн хавдарт хийхэд үр дүнтэй эмчилгээ боловч их үнэтэй.

Энэ бол хавдраар өвдсөн хүмүүст маш том дарамт болж байна. Мэнгэний хавдрын үед хэрэглэдэг бай эмчилгээний нэг сар уух эм нь 8 сая төгрөг гэх мэт маш өндөр үнэтэй л дээ. Бай эмчилгээг эрүүл мэндийн даатгалд оруулж өгөхгүй бол төсөв дийлэхгүй, эмнэлэг ч авч чадахгүй.Өвчтөнүүд өөрсдөө авч бүр ч дийлэхгүй. Манайд эмчлүүлж байгаа нэг эгч л гэхэд нэг сар ууж байгаад больсон. Хүүхдүүдээ өрөнд оруулж үхээд яахав гээд хаячихаж байгаа юм.

-Ер нь эмнэлгийн эм тарианы төсөв хаанаа ч хүрдэггүй юм байна. Ийм байхад яаж тийм өндөр өртөгтэй эмчилгээ үйлчилгээ хийж чадах вэ дээ?

-Хавдрын эмнэлгийн төсөв хаанаа ч хүрдэггүй. Гэтэл өвчлөл нэмэгдсээр байгаа. Одоогийн төсвөөр бол сард төлөвлөсөн эм тариа 7-14 хоногийн эмчилгээнд л хүрдэг. Манайд хэрэглэж байгаа бай эмүүд 2000-аад оны эхнээс өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдээд эхэлчихсэн. Манай эмч нар өндөр хөгжилтэй оронд суралцаад ирсэн, эм тариа нь байвал эмчлэх арга техникээ эзэмшсэн хүмүүс. Хамгийн гол асуудал төсөв мөнгө л байна даа.

Хавдраар шаналж яваа хүмүүс насаараа эрүүл мэндийн даатгал төлсөн ч үр шимийг нь хүртэж чадахгүй байна гэж их бухимддаг. Өндөр үнэтэй хагалгааны багаж хэрэгслийг даатгалд оруулсан шиг өндөр үнэтэй тусламж үйлчилгээг даатгах ёстой. Энэ талаар бид 2013 оноос л санал тавьж байгаа ч одоог хүртэл ямар нэгэн шийдэл алга. Бай эмүүдийг яаралтай даатгалд оруулах ёстой. Гурван саяын эмийг 80 хувийг нь улс төлөөд 20 хувийг нь өвчтөн төлбөл хавьгүй хөнгөн тусна.

-Орон нутаг болон дүүргүүдэд химийн эмчилгээ хийдэг бол танай эмнэлгийн ачаалал багасах уу?

-2017 онд Нийслэлийн эрүүл мэндийн газар, манай эмнэлэг хоёр хамтран ажиллах гэрээ хийснээр нийслэлийн бүх дүүрэгт хавдрын өдрийн хими эмчилгээг ажиллуулах тасаг нээж, эмч сувилагч, эм найруулагчдыг багаар нь сургаж өгсөн. Үүний ачаар дүүргүүд хими эмчилгээ хийгээд эхэлчихсэн. Гэхдээ төсвийн мөнгө хэмжээтэй болохоор эм нь дуусчихдаг зовлон бий. Дүүргүүд бүгдээрээ хими эмчилгээ хийвэл бидний ачаалал бага ч гэсэн буурна л даа. Гэтэл хүн хүчний дутагдал гэсэн том асуудал хаа сайгүй байна. Хөдөө орон нутагт өнгөрсөн жилүүдэд нийт 40 гаруй химийн эмч бэлтгэгдсэн ч хими эмчилгээ хийдэг аймаг маш цөөн. Химийн эмийн төсөв хамаг мөнгийг нь авчихдаг болохоор дарга нарт химийн эмчилгээг хөгжүүлэх сонирхол алга. Бас нэг асуудал нь химийн тасагт ажилладаг хүмүүс хортой нөхцөлийн нэмэгдэл авдаггүй. Амбулаторийн сувилагч, манай тасгийн сувилагч хоёр ижилхэн цалин авдаг. Эмч нар ч ялгаагүй. Ингэхээр хэн ч хортой нөхцөлд ажиллаад байхыг хүсэхгүй, энгийн нөхцөлд ажиллахыг илүүд үзэж таарна аа даа. 21 аймаг, есөн дүүрэг, манай эмнэлэг гээд үзэхэд 100 хүрэхгүй эмч, сувилагч байдаг нь цаанаа ийм шалтгаантай.

-Хавдрын эмч, сувилагч нар хангалттай бэлтгэгдсэн, гэхдээ хортой нөхцөлийн нэмэгдэл гэж байхгүй учраас өөр чиглэлээр ажиллаад явчихдаг гэж ойлголоо. Хорт хавдартай өвчтөнд үйлчилж байгаа эмч нарт хортой нөхцөл гэдэг талаасаа яг ямар сөрөг нөлөөлөл илэрдэг вэ?

-Манай тасгийн олон сувилагч, эмч нар харшилтай. Зарим нь одоо ажлаасаа гарна л гэж байна. Химийн тариа хавдартай хүмүүсийн шээс, өтгөн, арьс, амьсгалаар нь ялгарч байдаг. Бид тэр агаараар нь амьсгалж, биеийг нь үзэж байгаа гэхээр яах аргагүй хортой нөхцөл шүү дээ. Манай тасагт орж ирсэн хүмүүс, манай өвчтөнүүд “Айхавтар үнэртэй шүү. Та нар яаж байнга энд байдаг юм бэ” гэдэг.Бас хортой нөхцөл гэж үздэггүй гэхээр бүр ч гайхдаг.

-Химийн эмчилгээг хэд хоноод давтан хийлгэх ёстой байдаг вэ. Тэр хугацаандаа эмчлүүлж чадахгүй бол сөрөг нөлөөтэй юү?

-Одоо манай хэвтэж эмчлүүлэх оочерт 220 гаруй хүн долдугаар сарын 1-нээс хойш хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, 35-40 хоногийн хүлээгдэл байна. Ноднин орны оочер 150-160 дотор эргэлдэж, 25-28, зарим үед үед 15-20 хоног хүлээгдэж, овоо жигдэрч байсан юм. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд орны оочер эрс нэмэгдэж, хүлээх хоног нь уртассан. Уг нь эмчилгээ 21-28 хоногт тодорхой яг тогтсон хугацаанд л давтан хийгдэж байх ёстой. Зарим хүн 14 хоноод ч ирэх ёстой байдаг. Гэтэл энэ хугацааг барих ямар ч боломжгүй болсон. Жишээлэхэд өндөр үнээр бай эм авч яваа хүмүүсийг хугацаа алдуулмааргүй байгаа юм. Ганц нэгийг нь аваад хийхээр удаан хүлээсэн хүмүүс бухимдаад эхэлдэг. “Яагаад миний өмнүүр оруулчихав, би ч адилхан өвчтэй, намайг үх гэж байгаа юм уу” гэж бухимддаг.

Ж.ЖАВХЛАН: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ.

ХСҮТ-ийн Эм зүйн албаны дарга Ж.Жавхлангаас хавдрын эм тарианы хүртээмжийн талаар тодрууллаа.


-Хавдрын химийн эмчилгээний эм тариа тасалдлаа гэсэн гомдол их байдаг. Эм тарианы хүрэлцээ хэр байна. Ер нь хичнээн төрлийн эм тариа хэрэглэдэг юм бэ?

-Таны асуултад хариулахын тулд төсөв ярих хэрэгтэй болно. 2019, 2020 оны байдлаар нийт 5.2 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх тендер зарласан. Химийн эмчилгээнд гэхэд 1.2 тэрбум төгрөг, бусад эм тарианд тэрбум гаруй, лабораторид 1.3 тэрбум, эмнэлгийн хэрэгсэлд тэрбум орчим гээд дөрвөн категоричлолд хуваахад 5.2 тэрбум төгрөг болж байгаа. Химийн эмчилгээний хувьд манайх Цитотоксик буюу хавдрын эсийг хордуулж үхүүлэх үйлчилгээтэй эмүүдийг ямар оноштойгоос нь шалтгаалаад өөр өөр схемийн дагуу сонгож хэрэглэдэг. Жилд 1.2 тэрбум төгрөгийг химийн эмчилгээнд зарцуулдаг гэхэд нэг сарын хэрэглээ нь дунджаар хоёр долоо хоногт хэрэглээд л дуусдаг. Тэгээд л химийн тасагт ачаалал үүсч, оочер дараалал нь дийлдэхгүй байгаа юм. Яг хүртээмжтэй эм авъя гэвэл сард 170-180 сая орчим төгрөгт химийн эм, тариа авбал эмчилгээ үйлчилгээнд хүртээмжтэй болох юм. Дэлхий нийт ямар байна гээд харах юм бол 2010 он хүртэл хавдрын эсрэг бай эмчилгээ яригдаж хэрэглэгдэж байсан. Өнөөдрийн байдлаар иммун эмчилгээг хөгжүүлж байна.

2028 он гэхэд Европ уушгины хавдрыг бүрэн эмчилдэг болно гэж зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй харьцуулахад манайх асар хойно л явж байна. Одоо манайд голлон хэрэглэж байгаа Цитотоксик эмийн хэрэглээ багасаад дэлхий нийт аль хэдийнэ, иммун эмчилгээнд орчихсон.

-Хавдраар өвдсөн хүмүүс бай эмчилгээний тухай яриад байдаг. Манайд хэрэглэх боломжгүй байна уу?

-Бид яахав зах зухаас нь хэрэглэж байгаа. Бай эмчилгээ бол өртөг өндөртэй. 100 сая төгрөгөөр эм авахад 20 хүний л эмчилгээ болж байх жишээтэй. Эм авахаас гадна оношлуур нь заавал байх ёстой. Тэр нь бас өртөг өндөртэй. 100 саяын бай эмчилгээ хийхэд 200 саяын зардал гаргана. Ингээд хийлээ гэхэд нийт хавдартай хүмүүст хаана нь ч хүрэхгүй.

-Бай эмчилгээг манайд хийдэг үү?

-Хийж байгаа. Гэхдээ маш цөөн. Тухайн хүний шинжилгээний оношийг харж байж хийдэг заалттай. Өртөг өндөртэй болохоор хүмүүс тэр болгон хийлгэж чаддаггүй.Даатгалд байдаггүй болохоор бай эмчилгээг хувь хүн 100 хувь өөрөөсөө төлбөрөө төлж хийлгэдэг. Эмнэлгийн зүгээс ганц хоёр удаагийнхыг л өгдөг. Бай эмчилгээ бол стандарт эмчилгээнээс хавьгүй өндөр технологийн дэвшилттэй. Эдийн засгийн байдлаасаа болоод хүмүүс хийлгэж чадахгүй л байгаа юм.

-Одоо манайд яавал эм хүрэлцээтэй болохоор байна вэ?

-Даатгалын системээ л зөв ажиллуулах хэрэгтэй. Тухайн хүний ажилласан жил, эрүүл мэндийн даатгал төлсөн байдлаас нь шалтгаалж, үнэтэй эмчилгээний зохих хувийг даатгалаас төлдөг болох хэрэгтэй. Гурван сая төгрөгийн 2-2.5 саяыг даатгалаас төлдөг болбол хүн бүр л даатгалаа төлдөг, ач холбогдол өгдөг болно. Дараагийн асуудал юу байна гэхээр эмнэлгийн санхүүжилт даатгалаас тодорхой хувь, төсвөөс үлдсэн нь орж ирдэг. Манай эмнэлгийн эм тариа дууслаа гэхэд нэмэлтээр авчихдаг. Тэгэхэд танай сарын даатгалын төлөвлөгөө дуусчихсан, төсөв чинь хэтэрчихсэн гээд даатгал мөнгөө өгдөггүй. Гэтэл өвдсөн хүмүүс эмчлүүлэх шаардлагатай байдаг. Иймэрхүү бэрхшээл, асуудал байна.

-Эм, эмнэлгийн хэрэгсэлд жилд 5.2 тэрбум төгрөг зарцуулдаг гэхэд хаанаа ч хүрдэггүй юм байна. Хэд байвал боломжийн байх вэ?

-Бид үйлдлийн стандартуудынх нь дагуу тооцоолоод гаргасан. Дор хаяж найман тэрбум төгрөг болгож байж доголдолгүй ажиллах боломжтой.

-Химийн эмчилгээний эм тариаг аль улсаас оруулж ирдэг вэ?

-Энэтхэгээс. Дэлхий нийтэд энэтхэг эм хямд байна. Өндөр хөгжилтэй өөр улс орноос авъя гэхээр манай төсөв хүрдэггүй. 1.2 тэрбум төгрөгөөр химийн эмчилгээний нэг жилийн эм тариаг багтааж авъя гэхэд энэтхэг эм л авна. Хэрэв бид Япон, Солонгос, Тайваниас өндөр чанартай химийн эм, тариа авъя гэхэд гурав дөрөв дахин үнэтэй байдаг. Тэгвэл зөвхөн химийн эмчилгээнд арван хэдэн тэрбум төгрөг зарцуулна. Улс бодлогын түвшинд дэмжээд, улс хоорондын гэрээгээр ч юм уу ийм эм, тариаг хангаж өгвөл бид тэр хэмжээнд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн.

Хувиараа эм тариагаа аваад ирвэл бид хийгээд өгдөг. Энэ жил 600-гаад химийн эмчилгээ гаднаас авчирч хийлгэсэн. Үүний 400-гаад нь бай эмчилгээ. Мөн өвчтөнүүд гадаадад эмчлүүлж байгаад үлдсэн эмээ авчирч хийлгэдэг.

Бидний сурвалжлага энэ хүрээд өндөрлөж байна. Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж, үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн бодит байдал, эм тариа, орны хүрэлцээ, оочер дараалал иймэрхүү л байдалтай байна. Олон жил ийм байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байгаа. Тиймээс хамгийн их хүлээлт үүсгэдэг химийн эмчилгээний тасгийн эрхлэгчтэй ярилцлаа. Эм хангамж хариуцсан даргаас учир байдлыг тодрууллаа. Тэд бүгд л төсөв хүрэлцэхгүйн зовлон ярьж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн аргацааж буйгаа учирлаж байна. Тэнд цаг наргүй зүтгэж байгаа энгийн бор эмч, ажилтнуудын буруу гэж юу байхав.

Харин одоо яах вэ. Ямар бодлого шийдвэр гаргавал асуудал нааштай болох бол, эрүүл мэндийн даатгалын системийн өөрчлөлт шинэчлэл яригдаж эхэлсэн үү, салбарын яам асуудлыг хэр анхаарч байгаа зэрэг олон асуудлыг манай сонин үргэлжлүүлэн сурвалжлах болно.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Отгонбаяр: 20 хоногт 1035 хэргийг эцэслэн шийдвэрлэж чадлаа

Энэ онд прокурорын байгууллагын 90 жилийн ой тохиож байна. Мөн Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон. Энэ өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяртай ярилцлаа.


-Сонгинохайрхан дүүрэг нь нийслэлийн хамгийн их хүн амтай,үүнийгээ дагаад гэмт хэрэг зөрчил ч их бүртгэгддэг. Та бүхний ажлын ачаалал хэр байна вэ?

Манай дүүрэг 330 мянга гаруй хүн амтай. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн иргэдийн гурваны нэг хувь нь энэ дүүрэгт амьдардаг. Нутаг дэвсгэрээсээ шалтгаалаад орон нутгаас шилжиж ирсэн, хаяг тодорхойгүй, бүртгэлгүй иргэд ихээр оршин суудаг. Дүүргийн хэмжээнд ахуйн архидалттай холбоотой гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчингийн хэрэг их гарч байгаад сэтгэл эмзэглэдэг.

Ер нь сургууль завсардсан, оршин суугаа хаяг нь тодорхойгүй иргэдтэй холбоотой хэргийг шийдвэрлэхэд удаашралтай байдаг боловч дүүргийн цагдаагийн алба хаагчид сайн ажилладаг учраас хэрэг илрүүлэлтээр улс болон нийслэлийн хэмжээнд жил бүр эхний нэг, хоёрт бичигддэг. Энэ утгаараа шүүхэд шилжүүлсэн хэргийн тоо ч өндөр байдаг. Тэгэхээр манай шүүх мөн л ачаалалтай ажилладаг гэсэн үг. Хэргийн хувьд өнөөдрийн байдлаар 6600 хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Үүнээс 1000-аад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ оны эхний долоон сард нэг прокурор дунджаар 70-100 хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Прокурор зөвхөн хэргийг хянаад шүүхэд шилжүүлэхээс гадна хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны явцад биечлэн хяналт тавьж оролцох ёстой. Хэрэг бүртгэлтийн хэргүүдийг хянаж гэмт хэрэг мөн үү, биш үү гэдгийг ч шийдэх ёстой. Бүх зүйлийг хуулинд заасан хугацаагаар явах ёстой бөгөөд прокурор хэрэг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн талаар шийдвэр гаргах ёстой байдаг. Ер нь манай прокурорууд дотор оройн 20 цагаас өмнө гэртээ харьдаг, амралтын хоёр өдөр бүтэн амардаг прокурорууд байдаггүй. Ингэж ажиллаж байж л ажил нь амждаг. Хэрэг бүр хүний хувь заяатай холбоотой байдаг тул амрах эрхээ хязгаарлаж ажилладаг юм.

-Эдгээр өдрүүдэд прокурорын байгууллагын 90 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд дүүргийн хувьд ямар ажлууд хийж хэрэгжүүлсэн бэ?

-Улсын Ерөнхий прокурорын газраас 2020 оны гуравдугаар сарын 11-нд “Прокурорын хяналтын чанар, үр дүнг дээшлүүлэх прокурор-90” нэгдсэн аяныг улсын хэмжээнд гурван сарын хугацаатайгаар зохион байгуулсан. Манай дүүргийн прокурорын газрын хувьд аяны хүрээнд Зөрчил шалган шийдэх ажиллагаанд тавих хяналт, Хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт, Шүүхэд төрийг төлөөлөх хяналт, Ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт зэрэг ажлуудаар улсын хэмжээнд тэргүүлж ажилласан. Аян зохион байгуулсантай холбоотойгоор үр дүнд хүрч ажилласан ажил гэвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл НЦУГ-т хүсэлт тавьж 50 мөрдөгчийг 20 хоногийн хугацаатай манай дүүрэгт ирж ажиллахыг урьсан. Энэ дагуу бидний хүсэлтийг хүлээн авч 50 мөрдөгч дэмжлэг үзүүлж ажилласан. Үр дүнд нь 1035 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагч нарын бүрэлдэхүүн нь хэрэг шалгах ажлын ачаалал нэг хүнд оногдох ачааллаас хэтрэхгүй байх нь тодорхой үр дүнд хүрч болно гэдгийг харуулж байгаа юм. Манай дүүргийн хувьд нийт цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтэстэй нийлээд 76 мөрдөн байцаагч ажиллаж байна. Тэгэхээр 76 мөрдөн байцаагч дээр 50 мөрдөн байцаагч нэмж үүрэг гүйцэтгэн 1035 хэргийг эцсийн байдлаар шийднэ гэдэг бол зөвхөн прокурорын шалгаж дууссан хэргийг хэлж байгаа юм. Үүнээс гадна дахиад мянга гаруй хэрэгт хяналт тавьж ажилласан. Хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд хэн нэгний эрхийг хамгаалж үр дүнд хүрсэн гэсэн үг. Хамгийн багадаа 1035 хүний эрхийг хамгаалж хэргийг богино хугацаанд шийдсэн. Бусад хяналтын чиглэлээр мөн л шаргуу ажилласан. Байцаан шийдэх ажиллагаанд хяналт тавьж ажилласнаар олон хэргүүдийг эцэслэн шийдэж үр дүнд хүрсэн амжилттай байна.

-Хорих ангиудад эрүүдэн шүүх явдал гарсаар байна гэж ярьсаар л байдаг. Энэ яг байдаг үзэгдэл үү?

-УЕПГ-аас эрүүдэн шүүх хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг бас нэг ажлын зорилт болгон дэвшүүлэн ажиллаж байна. Энэ бол маш том асуудал. ХЭҮК-ын 14 илтгэл гарсан. Миний хувьд ялын хяналтын чиглэлээр ажиллаж байхдаа энэ тал дээр их анхаарч ажилладаг байсан. Прокурорын тусгай хайрцаг ч ажиллуулдаг байсан. Аливаа зүйл удирдлагаас маш их шалтгаалдаг учир бид хичээж ажиллах хэрэгтэй.

-Дүүргийн хувьд энэ жил ямар зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-УЕПГазраас энэ жил чиглэл чиглэлээр зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Эзэнгүй хэргүүдийг шийдвэрлэе, түдгэлзүүлсэн хэрэггүй байя, Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцъё гэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Сүүлийн гурван жил Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцъё зорилт дэвшүүлээд энэ хүрээнд маш олон ажлыг хийж чадсан. Дүүрэг, орон нутагтайгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулж байна. УЕПГ-аас өгсөн чиглэлийн дагуу дүүргийн Цагдаагийн хэлтсүүдтэй хамтран Эрүүдэн шүүх хэрэг, зөрчлийн хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай сургалтыг тогтмол зохион байгуулж ажиллаж байна.

Онцолж яривал хяналт тавьж байгаа эзэн холбогдогч нь олдоогүй хэргүүдийг богино хугацаанд олж илрүүлэх. Өмнөх онуудад үйлдэгдсэн гэмт хэргүүдийн эзэн холбогдогчийг олж тогтоох ажлуудыг эрчимжүүлж байна. Үр дүн ч сайн гарч байгаа. Жил, хоёр жил болсон гэмт хэргийн эзэн холбогдогчийг яаж олж илрүүлэх вэ? гэдэгт анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байсан бусдыг залилан мэхлэх 100 гэмт хэргийг сонгон авч хоёр мөрдөгчийг цагдаагийн байгууллагын удирдлагуудтай тохироод бүх ажлаас нь чөлөөлж прокурорын газарт өрөө гаргаж, өдөр тутамд нь хяналт тавих хоёр прокурор томилон ажлын хэсэг байгуулсан. 100 залилах гэмт хэргийн ард хамгийн багадаа 200 хүн хохирсон байгаа. Энэ хэргүүдийг хоёр сарын хугацаанд эзэн холбогдогчийг нь олж илрүүлээд, зарим этгээдийн өмч хөрөнгийг битүүмжилж, хохирлыг барагдуулж байна. Энэ мэт тодорхой үр дүн гарсан. 2020 онд бас нэг дэвшүүлсэн зорилт бол хяналтын ажлын арга барилыг өөрчилж хуульд заасан боломжоо ашиглан хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдгээ туршиж байна. Үр дүнд нь 100 залилах гэмт хэргийн 84-ийг нь хоёр сарын хугацаанд эцэслэн шийдсэн байна.

-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын түүхээс бидэнд хуваалцана уу?

1992 оны шинэ Үндсэн хуулинд Монгол Улсын прокурорын байгууллагад хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох шинэ чиг үүрэг хүлээлгэсэн байдаг. Үүнтэй холбогдуулаад Үндсэн хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Үүнээс үүдэн Сонгинохайрхан дүүрэгт 1993 онд Их хурлын 15/59 тоот тушаалын дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 1993 оны долдугаар сарын 23-ны өдрийн тушаалаар Сонгинохайрхан, Жаргалант дүүргийн прокурорын байгууллага гэж анх байгуулагдаж байсан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага байгуулагдаад 27 жил болж байгаа бөгөөд нийт 63 алба хаагчтайгаас 38 прокурор юм.

-Энэ хугацаанд хичнээн ерөнхий прокурор ажилласан бэ. Таны хувьд өмнө нь тус дүүрэгтээ ажиллаж байгаад энэ онд дахин ирж ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд есөн ерөнхий прокурор дүүрэгт маань ажиллаж байсан. Миний хувьд тус дүүрэгтээ хоёр дахь удаагаа ирж ажиллаж байна. 2014 онд прокурорын газрыг нэгдүгээр прокурор, хоёрдугаар прокурор гэж хоёр хуваасан байсан. Хоёрдугаар прокурорын газарт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн прокурорын газар багтдаг байсан бөгөөд миний хувьд энэ газрын даргаар томилогдож анх ирж байсан. Тэгээд дүүргүүдийн прокурорын газар задарч эхлэхэд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокуророор ажиллаж байгаад 2018 оны зургадугаар сарын 30-нд УЕПГ-ын Ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ оны гурван сарын 23-нд СХД-ийн ерөнхий прокуророор дахин ирж ажиллаж байна. Эргэж ирэхэд миний хамтран ажиллаж байсан хүмүүсийн 40 хувь нь өөрчлөгдсөн байна. Шинэ залуучууд их ажиллаж байна. Нийгмийн байдлаа дагаад, амьжиргааны түвшин, хөдөө орон нутгаас ирэх хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнээс шалтгаалж гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна. Нийт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 50 гаруй хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Цагдаагийн хэлтсүүд газар болж өргөжсөн гэх мэт олон өөрчлөлтүүд гарсан байна.

-УЕПГ-т ажиллах, дүүрэгт ажиллах хоёрын ялгааг та юу гэж харж байна вэ?

-УЕПГ бол бодлого боловсруулдаг газар юм. Харин дүүргийн прокурорын газар нь бодлого хэрэгжүүлдэг байгууллага юм. Миний хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хэрэг мөрдөх, мөрдөн байцаах, яллах, шүүхийн бүхий л ажилд хяналт тавьж оролцдог.

-Прокурорын байгууллагад ажиллаж байгаагийн хамгийн том бахархал тань юу вэ?

-Анх томилогдохдоо юу ч мэддэггүй байж. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 570 гаруй прокурор л ажиллаж байна шүү дээ. Эдгээр прокуроруудын нэг нь болж, нэгэн байгууллагыг толгойлж яваадаа бахархаж байдаг. Миний хувьд 21 настайдаа Ховд аймгийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлж дараа нь Налайх дүүрэгт, НПГ, УЕПГ хэлтсийн дарга, тойргийн дарга гээд олон байгууллагад л ажиллаж байлаа. Өмнө нь бид заалгаад явдаг байсан бол одоо залуучууддаа зааж зөвлөх түвшинд очсон байна.

Энэ дашрамд Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойн баярын мэндийг нийт прокурорууддаа дэвшүүлье. Тэр дундаа миний ажлын гараагаа эхэлж байсан Ховд аймгийн прокурорын газар, Налайх дүүргийн прокурорын газар, НПГ, УЕПГ-ын хамт олондоо баярын мэнд хүргэе. Мөн хамтарч ажилладаг хууль хүчний байгууллагын туслалцаатайгаар бид ажлаа урагштай бүтээж байгаа. Эдгээр хамт олондоо талархаж байгаагаа хэлмээр байна.

-Танд зориулж хэлсэн санаанаас огт гардаггүй үг юу вэ?

-н.Цэрэнбалтав даргын хэлсэн “Прокурор хүн гэдэг хүн л байх ёстой” хэмээсэн үг миний санаанаас ерөөсөө гардаггүй юм. Би тэр үед ойлгоогүй, одоо л ойлгож эхэлж байна. Дээрээс нь нэмж хэлэхэд, прокурор хүн маш их хүн чанартай хүн байх ёстой гэж хэлмээр байна. Хүний амьдралд янз бүрийн зүйл их тохиолдоно. Тэр бүхэнд хүн чанар, хүнээрээ байх л хамгийн чухал.

-Таны хувьд өнгөрсөн хугацаанд удирдах албан тушаалыг багагүй хашжээ. Таны удирдах арга барил чухам юу вэ?

-Миний хувьд нэгдүгээрт хурдтай, тогтвор суурьшилтай байхыг шаарддаг. Өөрөө ч тийм төрлийн хүн. Залуучуудаа анхнаас нь хурдтай ажиллаад сургачихвал тэр хүн насан туршдаа олж авсан чадвараа алддаггүй. Хоёрдугаарт, хүн болгонтой тулж, нөхөрлөж харьцах дуртай. Сонгинохайрхан дүүргийн прокурорууд дундаа хамгийн удаан буюу 23 жил ажиллаж байгаа хүний хувьд алба хаагчидтайгаа илүү ойрхон байж, хамт олны уур амьсгалыг хадгалахын тулд тэдэнрүү чиглэсэн арга хэмжээнүүдийг мөн зохион байгуулдаг. Прокурорын байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд ажлын цаг ихтэй амралтын өдөр багатай. Хэдий тийм ч ажилдаа дуртай хүн ажлаа л хийхийг боддог юм билээ.

-Танай хамт олон залуу шинэ үеийн прокуроруудаар хүрээгээ тэлсээр байна. Эдгээр залуусдаа хандаж захиж хэлмээр байдаг зүйлээсээ бидэнд хуваалцана уу?

-Прокуроруудын хувьд ажиллах явцдаа байнга л суралцаж байдаг. Би ч хүртэл өнөөдрийг хүртэл суралцсаар л явна. Ер нь сурлагын чанар прокурор хүнд нөлөөлдөггүй харин сурц, чадвар, мэргэшил, хичээл зүтгэл маш их нөлөөлдөг юм байна. Хичнээн сургуулиа онц төгсөж ирсэн ч сурцгүй, мэргэшихгүй, хичээхгүй бол тэр хүн амжилтад хүрэхгүй. Ер нь таван жил ажилласан прокурорыг би одоо л прокурорын суурь нь тавигдаж эхэллээ гэж боддог. Тийм ч учраас дээд шатны прокурорыг таван жилээс дээш ажилласан хүн хийнэ гэж хуулиндаа оруулсан байх. БНХАУ, Их Британид прокурорын мэргэжил эзэмшсэн прокурорууд манайд ажилладаг. Хэдий гадаад оронд сайн суралцсан ч гэсэн манай хууль эрх зүйн орчин өөр учир энд ирээд дахиад л судлах шаардлагатай болдог.


Categories
мэдээ цаг-үе

Байнга уулзаж багын дурсамжаа хуваалцдаг нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Б.Бумцэндийн нэрэмжит Нэгдүгээр сургуулийг 1989 онд төгссөн 10 “А” ангийнхны хүүхэд насны дурсамжтай танилцлаа.

Урт хар гэзгээ хоёр салаа сүлжиж ямар нэгэн стиль донжгүй энгийн бор охид, брюкен хар өмдөө тоос болсон ч гөвөөд л өмсчихдөг хөрслөг хөвгүүдтэй ангийнхан нийт 41 хүүхэдтэй байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн тоо нь адил суралцдаг байжээ. Гуравдугаар ангиас наймдугаар анги хүртэл орос хэлний Л.Сэржхорлоо багшаар хичээл заалгаж 10 дугаар ангидаа Д.Алтанцэцэг гэх залуухан багш 10 “А” ангийг дааж авч төгсгөж байжээ. Б.Гавалмаа, Б.Баярсүрэн, С.Должинсүрэн, Д.Ганболд, Ч.Должинсүрэн, Ц.Эрдэнэбаатар, А.Саруулчимэг, Ч.Ичинхорлоо, Г.Эрдэнэчлуун, Ч.Оюунгэрэл, И.Амгалан гээд олон манлайлагч сурагчтай анги юм. Сургуулийнхаа урлаг, спортын шилдэг анги байсан тэдний хувьд хөгтэй, хөгжилтэй дурсамжаар дүүрэн.

Гэнэн томоогүй үеийн анхны хайрын түүхээс гэр бүлийн бат бэх харилцаатай болсон эрхэм үерхэл ч байсан аж. Тус анги урлаг, спортын тэргүүний байгаад зогсохгүй аймагтаа толгой цохидог байсан ажээ. Тэр үеийн сургуулийн ардын дуу бүжгийн “Мөнгөн хонх” чуулганы ихэнх шагналыг авчихдаг байсан гэнэ.

Хүүхэд насны баяр баясал, амжилт бүтээл, хөгтэй дурсамжийн тухай ангийн охин Л.Уянга хуучиллаа. “Наймдугаар ангийн урлагийн үзлэгээр ангид шилжиж ирсэн охин гоцлол бүжиг бүжиглэхээр болоод бүжиглэтэл арагшаа гэдийдэг хэсэг дээр толгойгоо даахгүй савж унаад дараагийнхаа номерыг үзүүлж чадахгүй үлдэж байсан. Тэр охин маань одоо хүний их эмчээр ажилладаг. Тэр үед манай анги байр эзэлсэн л дээ. Энэ тухайгаа төгсөхдөө, төгссөний дараа, одоо ч бид ярьж элгээ хөштөл инээлддэг.Нэг тийм гэгээхэн, цагаахан байж. Нэг нэгэндээ хар буруу санана гэж үгүй. Мөн долдугаар ангид байхдаа намрын ургац хураалтын ажилд их явдаг байж билээ. Тэр үед эрүүл мэндийн хичээл бага ордог байсан үе. Хүний биеийн анатоми гэдэг хичээл л ордог. Намрын ургац хураалтад явж байхад манай ангийн банди нэг охиныг үнсээд нөгөө охин маань өдөржингөө уйлаад юу болсон гэдгээ хэлэхгүй явж билээ. Ангийн багш яагаад энэ хүүхэд уйлаад байгаа юм бол хэмээн нэлээд санаа нь зовсон янзтай хажууд нь хамт явж байсан охиноос “яагаад уйлаад байгаа юм бэ” гэж асуусан чинь манай ангийн банди үнссэн юм аа гэхийн хажуугаар үнсүүлсэн охин маань “тэгэлгүй яадаг юм, одоо би жирэмсэн болно” гээд л уйлаад байж билээ. Сайхан дурсамж шүү” хэмээн инээмсэглэлээ.

Инээд баяр хөөрөөр дүүрэн тэдний ангийнхан төгсөлтийн 20 жилийн уулзалтаас хойш байнга уулздаг болсон байна. Тэд нэг уулзалдахаараа бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцаад, юу болохгүй, ямар зүйлийг хамтдаа хийж бүтээх талаар ярилцаад явдаг гэнэ. 10 “А” гэх ангиас хоёр хос төрсөн бөгөөд нэг хос нь Сэлэнгэ аймагтаа сайхан амьдарч байгаа аж. Тэднийдээ бөөндөө цуглаж, ярилцаж суудаг сэтгэл нэгт ангийнхан. Тав таван жилийн зайтай уулзалддаг. Дараагийн таван жилийн уулзалтаараа илүү том бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа гэв.

Бид үргэлж хүүхдэд болон нийгмийн эмзэг бүлгийнхэнтэй ойр байхыг зорьдог. Сэлэнгэ аймгийн Гуравдугаар сургуулийн 50 жилийн ой 2019 оны есдүгээр сард болж хүүхдийн уншлагын танхимд бид хоёр сая төгрөгийг цуглуулан ном хандивласан бөгөөд багийн Засаг дарга нартай зөвлөлдсөний үндсэн дээр нийгмийн эмзэг бүлгийнхэн буюу өрхийн амьжиргаа доогуур хүмүүст зориулж чихэр жимс, хэрэгцээний хүнс зэргийг цуглуулж тусалсан. Зах зээлийн шуурга, картын бараанд оочерлож, ардчилал дөнгөж эхэлж байх үеийн эдгээр залуучууд дээд боловсрол эзэмшиж салбар бүрт өөр өөрийн байр суурийг эзэлж явна.

“Отгон тэнгэр дээд сургуулийн багшаар Ч.Ичинхорлоо, саяхан УИХ-д бие даан нэр дэвшсэн ШУТИС-ийн уул уурхайн инженерийн багш Л.Орхон гэх мэтчилэн хувийн бизнес эрхэлж байгаа, гадаадад болон боловсролын салбарт, үүрэн телефоны захирал, банк санхүү гээд бүгд л амжилттай явж байгаа хэмээн сэтгэл дүүрэн бахдан ярив. Сэтгэл догдлон уулзах тэдний нөхөрлөл одоог хүртэл бат бөх яваа нь алиа багын хөгтэй дурсамжийг бүтээлцсэндээ юм болов уу гэлтэй.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Дэлгэрцэцэг: Ятгын хатан хаан МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарсан уран бүтээлээ наадмын үеэр үзэгчдэдээ хүргэнэ


Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.


-25 дугаар суваг телевизийн “21000” реалити шоуны 16 дахь цувралын ялагчаар тодорсонд баяр хүргэе. Нэвтрүүлгийн явц хүнд санагдаж байсан уу?

-“21000” реалити шоу ард түмний дунд хандалтаараа номер нэгт ордог сайн контент. Тухайн нэвтрүүлэг маш философич, юмны үнэ цэнийг мэдрүүлсэн мөн чанартай санагдсан. Л.Баттулга гавьяаттай хамт орсондоо баяртай байгаа. Ер нь хэнтэй өрсөлдөж байгаа нь чухал байх. Миний хувьд үнэхээр хүнд байсан. “21000” төгрөг гэдэг мөнгөний хувьд их биш. Зөвхөн супермаркетаар үйлчлүүлнэ гэдэг амаргүй. Хүнсний захаар явбал үнийн хувьд арай хямдхан байгаа байх. 21000 шоу нэвтрүүлэг “Сансар” супермаркеттай хамтарч ажилласан болохоор зөвхөн түүгээр үйлчлүүлэх ёстой болж таарсан л даа. Ходоод чинь санаанаасаа бага байдгийг бид огт мэддэггүй юм байна лээ. Бид супермаркетуудаар үйлчлүүлэхдээ хүнсээ хэрэгцээнээсээ ихийг авчихаад дараа нь хаях тохиолдол их гардаг. Энэ нэвтрүүлэг хэмнэлт гэдэг зүйлийг мэдрүүлсэн сайн контент гэдгийг оролцож байж мэдэрсэн.

-Та өмнө нь “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгчээр ажиллаж байсан. “Бурхны авралаар чи ирлээ” шоуны шүүгчээр дахин ажиллах саналыг хэрхэн хүлээж авав?

-Шоу контент гэдэг оюуны маш том бүтээл. Ийм том бүтээлийг шүүнэ гэдэг тодорхой хэмжээний дадал туршлага хэрэгтэй болдог. “Авьяаслаг монголчууд” шоуг шүүхэд сургалт дамжаанд сууж байгаа юм шиг их бэлтгэл хийдэг байсан. “Бурхны авралаар чи ирлээ” шоуг шүүхэд хүнд байсан. Ямар нэгэн өгөгдөл байхгүй тайзан дээр шууд цоо шинэ үзүүлбэрүүдийг гаргаж ирдэг учраас шүүхэд хүнд. Чадварлаг залуусыг оруулчихаад хэтэрхий муулаад байж болохгүй, реакци гаргаагүй үед нь гоё байлаа гэж хэлж болохгүй учраас өмнөх шоунуудаас илүү торгон мэдрэмж шаардсан нэвтрүүлэг болсон. “Бурхны авралаар чи ирлээ” хоёр дахь хэсэг удахгүй цацагдах байх.


-“Бурхны авралаар чи ирлээ” 2 шоуны шүүгчээр дахин ажиллах санал ирвэл та шүүх үү?

-Мэдээж санал тавьбал шүүлгүй яахав. Сая шүүгчээр ажиллахад жүжигчний ур чадварыг мэдэрч чадсан.

-Хувь хүнийхээ хувьд аль жүжигчнийг илүү их дэмжиж байсан бэ. Хэний үзүүлбэр таалагдсан бол?

-Нийт арван дугаарын 42 үзүүлбэр үзүүлсэн. Бүгд л их ажиллагаа шаардсан том том тайзууд байсан. Сэтгэлд үлдсэн мундаг жүжигчид их байгаа. Шоуны хоёр ялагч “Эмоци” продакшны жүжигчин МУСТА О.Тэмүүжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин СТА Г.Алтаншагай нар. Үзүүлбэр авьяас билэг, инээд хөөр, маазраа бүх зүйл нь жагсчихсан залуус түрүүлсэн дээ. СТА, жүжигчин Д.Дэлгэрсайханыг онцолмоор байна. Гүйлгээ ухаан сайтай, жүжигчин шиг санагддаг.

-Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

-Ятгын хатан хаан гэгддэг МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтран шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа. Олон жил ярьсны эцэст наадмын үеэр үзэгч олондоо бэлэг барина. Хийл, ятгын хослол гэсэн хосолсон бүтээл гаргана. Бэлтгэл ажил дууссан.

-Жүжигчин хүнээс ямар кинонд тоглох бодолтой байгаа талаар асуухад түүхэн кино гэж хариулдаг. Таны хувьд “2000” кинонд хатны дүр бүтээсэн. Хөгжимчин хүний хувьд кино урлагийн тайз хэр байв?

-Урлагийн хүний хувьд кинонд дүрээ мөнхлөх гэсэн бодолтой байсан. Манай ээж “Миний охин залуу сайхан насан дээрээ кинонд тогловол гоё” гэж хэлдэг байсан. “2000” кинонд дүр бүтээх санал ирэхэд таатай хүлээж авсан. Зохиолын хувьд кинон дээрээ өөрчлөгдөж гарсан. Анх уншсан зохиол нь эх оронч, монгол хатны дүр таарсан. Уран бүтээлч хүний хувьд өөр шинэ ертөнцийг нээсэн, мэдрэмжийг хөглөсөн бүтээл болсон. Тухайн кинонд Монголын сор болсон жүжигчид тоглосон.

-Мэргэжлийн бус хүн кинонд тоглоно гэдэг амаргүй байх. Та дүрдээ орж чадсан уу?

-Киноны дүр надад асар ойрхон байсан. Жүжигчин хүний хувьд өөрөө өөртэйгөө тэмцэлдэх, дотоод сэтгэлтэйгээ тэрсэлдэж байгаа тэр хэсэг хэцүү байсан. Тав, зургаан удаагийн зураг авалтыг хойшлуулж байгаад авч байсан. Жүжигчдийг солиотой хүмүүс байдаг гэдэг шүү дээ. Тэр үед солиорохоо л алдсан.

-Таныг багаасаа хөгжимтэй холбогдсон гэдэг. Бага насны хөгжмийн боловсрол одоогийн энэ их амжилтын үндэс болсон уу?

-Анх найман настайдаа “Хөгжим бүжиг”-ийн сургуульд орж байсан.Манай сургууль хүүхдийг багаас нь ачаалал даах чадвар, юманд тууштай байхыг зааж сургасан гэж боддог. Миний бага нас бусад хүүхдүүд шиг гадаа тоглосон, жаргалтай байгаагүй. Шалгалтаас шалгалтын хооронд явдаг байлаа. Тэрнээс хойш хөгжимтэй салшгүй холбоотой болсон доо. 2000 онд анх “Хэнтийн өндөр ууланд” цомгоо гаргаж байлаа. Энэ жил урлагт хөгжмийн дуу хоолойг гаргаж ирсэн 20 жилийн ой тохиож байгаа. Хөл хорионы үе болохоор ажил хойшлоод л байна.

-Хөгжим тоглохоос гадна өөр мэргэжлээр ажиллахаар бол ямар мэргэжил сонгох вэ. Энэ тухай бодож байв уу?

-Сэтгэл судлал чиглэлээр ажиллах байсан байх. Манай улсад сэтгэл судлал талын шинжлэх ухаан дөнгөж хөгжиж эхэлж байгаа болохоор одоогийн шинжлэх ухааныг хөгжүүлэх гээд л явах байсан болов уу.

-Урлагийн хүнээс урлагийн хүн төрдөг гэж ярьдаг. Танай гэр бүлийн хувьд..?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Аав Дундговь аймгийнх, ээж Архангай аймагт төрж өссөн. Дуу хуурын өлгий нутаг Дундговь гэж хэлдэг, түүгээрээ болдог юм болов уу гэж хааяа боддог.

-Та “Сэтгэлийн эгшиг” аялгуугаа хуриман дээр тоглох дуртай хэмээн нэгэн ярилцлагад хэлсэн байсан.

-Нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн киноны хөгжим “Сэтгэлийн эгшиг” шиг аугаа бүтээл гэж хаана ч байхгүй. Монгол хүн төдийгүй гадаад хүмүүс их сонсдог, хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддаг сод бүтээл. Би хуриман дээр тоглох дуртай. “Сэтгэлийн эгшиг”-ийг тоглохоор амьдрал баялаг даа гэдэг үг санаанд буудаг.

-Эр хүн хатуужилтай байх ёстой, эмэгтэй хүн уян зөөлөн байх ёстой гэдэг. Та өөртөө ямар шалгуур тавьдаг вэ?

-Үнэн байх. Би өөртөө цензур өндөртэй байхыг шаарддаг. “Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн” гэдэг шиг л.

Categories
мэдээ цаг-үе

Хуртай, хурдтай, одонтой, олонтoй НААДАМ

Өдрийн сонины 2011 оны долдугаар сарын 08-ны архиваас

Үе үе бороо шивэрч манан суугаад нимгэн хувцастай бол даарахаар сэрүүхэн энэ үед баянцогтынхон маань наадмаа хийлээ.

Хотын нэг дүүрэг гэмээр дэргэд нь шахам байдаг болохоор Төв айм-гийн Баянцогт сумыг хүмүүс ан-дахгүй мэддэг юм. Сумын наадам гэдэг юу юунаас илүү утга төгөлдөр болдог санагддаг. Учир нь бүх юм тэнд эрх тэгш үйлчилдэг. Сумын удирдлагууд асарт зассан ши-рээний араар сууж байхад иргэд арынх нь ч юм уу дэргэд нь эгнүү-лэн тавьсан урт урт сандал дээр зэрэгцээд шахуу суух боломжтой. Бөхөө л гэхэд яг дэргэдээс нь үзнэ. Морины уралдааны бүх давхилыг дагаад давхичихсан ч нэг их хэл ам гарахгүй. Томхон ой болж, аймгаас нэмэлт цагдаа нар ирсэн бол харин морины уралдааныг олон машин дагуулахгүй чангалах гэнэ. Ойн баяр нь болоогүй бол морь дагаж явуулахгүй энэ тэр гэж бараг л хэлэхгүй дээ. Хүмүүс бие биенээ удам судартай нь мэддэг болохоор хүндлэл, найзархаг харьцаа л тэнд ноёрхдог. Адаглаад л алдсан морийг нь бариад өгөх, унаа тэ-рэггүй нэгнээ дайгаад явах, дэр-гэдэх нэгнээ хуушуураар дайлах зэрэг нь байх л ёстой зүйл шиг мөрдөгдөнө. Хүн бүр өөрийн- хөөрөө баярлаж, өөр өөрийн орон зайгаа мэдэрч чаддаг учраас су-мын наадам сэтгэлд ойр, тэр хэ-рээрээ үнэ цэнэтэй байдаг биз ээ.

Уржигдар буюу зургааны өглөө найман цаг өнгөрөөд азарга гар-лаа. Уг нь бороо манангүй цэлмэг өдөр бол аль эрт зургаа өнгөрөөд морддог юм. Зэргэлдээх сумынхан төдийгүй Улаанбаатараас ч пор-тер портероор морьдоо ачаад ирсэн харагдана. Тиймээс чамгүй олон азарга бүртгэлийн газар ирсэн байсан бөгөөд төд удалгүй шилбүүр барьсан сундлаа мотоцикльтон бүртгэл хийлгэсэн хэсгийг тас хөөгөөд явж өгөв. Жаахан байж байгаад үлдсэн хэсгийг нь бас нэг мотоцикльтой хүн туугаад явав. Морь, мотоцикль, машинтай хүмүүс зэргэцэн ухас-хийн хөдөллөө. Голдуу л азарганы эзэд явж байгаа бололтой. Нэг хэсэг нь жаахан явж байгаад ирэ-хийг нь амдан наад толгой дээр зогсоод үлдэв. Цаашаа арав гаруй машин азарга даган хөдөллөө.

Азарга барианд орж иртэл наад зах нь хоёр цаг болно. Сумын захиргааныхан наадмын нээлтээ хийхээр бэлтгэлээ базааж эхэлсэн харагдана. Манай Баянцогт бол бусад сумаа бодвол чамгүй том цэнгэлдэх хүрээлэнтэй. Сумын төвийнхөө урд талд байрлах Цэн-гэлдэхийн эргэн тойрныг цэмций тэл цэвэрлэжээ. Дэргэд нь хуушуу-рын гэр дөрвийг барьсан байв. Цэнгэлдэхийн наахна талд морь барианы газар нь бий. Ингээд цэнгэлдэх, сумын төв хоёрынхоо ойрхон зайд унаатай, унаагүй, хөгшин залуугүй нааш цааш хөл-хөлдөж өгнө дөө. Азарга ирэхээр л наадмын нээлтээ хийх сураг дуулдав.

Удсан ч үгүй гэрлээ гялалзуул-сан машинууд тээр холоос гараад ирэв. Бороотой учраас шороо тоос босохын зовлон байсангүй. Толгой дээр хүлээж байсан хүмүүс машин тэргээ хөдөлгөж бужигнаад эхэл-лээ. Барианы газар хүлээж байсан хүмүүс ч байр байраа эзлэхээр хөл хөдөлгөөн болоод явчив. Хүмүү-сийн ярих нь “Гаднаас олон морь ирсэн. Түрүүгээ алдчихгүй юмсан” гэлцэх нь чихний үзүүрт сонсдоно. Ингээд азарганы түрүүч толгой даваад гараад ирлээ. Алаг, хар зүсмийн хоёр азарга бусдаасаа нэлээн хэдэн метрийн түрүүнд зуузай холбон явна. Уясан эзэд нь хоёулаа мотоциклийн ард сундал-чихсан мориныхоо дэргэд нь ша-хам зэрэгцэн байдгаараа хашгирч зааварлаж яваа харагдана. Урд хошуунаас барианы газар хүртэл ойрхон зайтай ч өгсүүр учраас ёстой л морь болоод унаач хүүх-дийн шандас мэдрэмж шаардана. Бариа ойртох тусам хар азарга тасарч түрүүлэх нь тодорхой болонгуут эзэн залуу хоёр гараа дэлэн ёстой бүжиглэх шахаж бай-лаа. Аль алиных нь нүүр манагийн усаар шавхуурдсан хүйтэн салхинд минчийтлээ улайж пэмбийсэн ч даарч байна гэж тоож байгаа ч юм алга. Азарганы уралдаан дээр манай сумынхан түрүү, айргаа алдсангүйдээ тун ч сэтгэл ханга-луун байлаа. Бүгд л өөр өөрийнхөө азаргыг түрүүлсэн юм шиг сэтгэл ханагар байсан. С умын наадмын нээлт эхлэх боллоо. Гол асарт ширээ засч, сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга нар суудлаа эзэлсэн байлаа. Туг барьсан морьтнууд Цэнгэлдэх тойрон гарч ирсэнээр Баянцогт сумын наадам албан ёсоор эхэллээ. Хамгийн түрүүнд төрийн далбаа намируулсан морьтон явна. Дараа нь гурван эгнээ улаан, гурван эгнээ цэнхэр, гурван эгнээ улаан туг мандуулсан морьтнууд дагалджээ. Хамгийн арын эгнээнд явах ёстой улаан тугтай нөхөр бүүр сүүлд давхин ирж жагсаалдаа орж байгаа харагдав. Туг далбаагаа цэнгэлдэхийн голд байрлуулсны дараа сумын төрийн байгууллага болох захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэгийнхэн ажлын газрынхаа нэрийг өмнөө барин жагсаалаараа гарч ирэв. Богинохоон жагсаалыг асрын өмнө явахад байгууллага тус бүрийнх нь танилцуулга, амжилт бүтээлийг нь дуудаж байлаа. Су-мын наадамд 34 бөх зодоглохоор нэрээ бүртгүүлжээ. Аймгийн арс-лан Б.Шаравдоржийгоо барил-дахаар ирсэнд наадамчид тунчиг дуртай байлаа. Ид барилдаж байх үедээ улсын начны тааварт байнга бичигддэг байсан Шараваагаа сумынхан тэр хэмжээнд үнэлж хүндэлдэг. Одоо бол жилийн аль ч улиралд улсын харцага Ө.Даваа-баатарыгаа ярина. Наадмын үеэр мөн л яаж барилдах талаар нь ам өрсөн ярьцгааж байсан. Нутгийн-хаа хүүг сайн барилдаасай, наа-дам сайхан болоосой гэсэн амны бэлгэ, ерөөл тавьж байгаа хэрэг.

Наадмын эхний өдөр азарга, их нас, даага уралдсан. Их насны морьд хавьгүй олон байв. Урал-даан бүрт ямар нэгэн зарга заль-хай гарсангүй. Даага гарч гарааны газраа хүрэхийн хэрд хоцорсон хоёр ч даага араас нь давхилаа. Нэг нь араас нь давхисаар гүйцэ-хийн үед даага эргэчихсэн. Харин нөгөө нь хоцорсноо мэдээд урд толгой дээрээс эргэж, хөтөлж явсан хүнтэйгээ уралдаад давхихыг ха-рахад эгдүүтэй хөөрхөн. Дааганы уралдаан урьд хошуу тойрон гарч ирэхэд морь, мотоцикль, машин нь бүгд уралдаж байгаа юм уу гэмээр хоорондоо холилдчихжээ. Орой-хон болсондоо ч тэгсэн үү бараг л эзэн бүр нь өөрийнхөө даагыг хөөж байлаа. Машинтай нь шахаж ирээд л сигналдана. Нэг мото-цикльтой эр бүр шилбүүр барь-чихсан ороолгон хөөж байгаа харагдсан. Ингэлээ гээд ямар нэгэн хэл ам хэрүүл тэмцэл болсонгүй. Түрүүлж айрагдах нь айрагдаж, уралдаан сайхан боллоо хэмээц-гээж байв.

Сумынхан бүгд л “арай гайгүй давхилтай морьдоо аваад 90 жил-дээ уралдуулна” гэцгээж байсан. “Тэгээд тэр олон морьд дундаас түрүүлэх юм уу” гэхээр “Тоо нэмнэ, тоосоо өргөнөө хө” хэмээх. Ямар-таа ч олон тэгш ой давхацсан их ойн жил улсын наадамдаа тоосоо өргөж хийморио сэргээхээр шийд-жээ.

Цэнгэлдэхийн хойд талд барь-сан хуушуурын гэр орчим өдөр тийшээ хөл хөдөлгөөнд дарагджээ. Наадмыг манайхан хуушуургүй-гээр төсөөлдөггүй. Хуушуур авах гэсэн хүмүүс дугаарлаж, дөрвөн гэрийнхэн толгой өндийх завгүй ажиллаж байв. Наадмын хуушуур эрэлт ихтэй байгаагийн шинж, бүр ар араасаа дугаарласан байсан. Гэрийн дэргэд худалдааны хэд хэдэн машин чихэр, ундаа зэргийг зарж байсан ч хүмүүс хуушууранд л хошуурна. Хүйтэн өдөр байсан болохоор ундаа, усны борлуулалт муу аж. Гэрийн дэргэд нэг нөхөр тасарчихсан ширгэн дээр нам унтаж хэвтэнэ. Өнөө жил Баянцогт бороо ихтэй байгаа. Хаа л бол хаана халиурсан ногоо. Тал хөн-дий хар ногооноор униартана. Хууршуурт оочерлонгоо хүмүүс “Үгүй мөн хачин хангай яа. Яг намар шиг. Наадмын өдөр ингэж таарахдаа ч яахав” гэж ярилцана. А лдарт ээжүүдэд одонг нь гардуулна гэсэн зар наадмын талбайн хөл хөдөлгөөнийг нэмлээ. Энэ жил манай сум шинээр 100 гаруй алдарт ээжтэй болж байгаа юм. Зургаан сарын нэгэнд одон өгнө гэсэн зараар айл бүр дайллага цайллага хийхээр бэлдэж, хол ойроос ах дүүгээ урьжээ. Гэтэл суманд найман одон ирж хамгийн настай наймд өгөх болов. Үлдсэн хэд нь одонгүй найр хийх үү, одонгоо авахаар дахин юм бэлдэж найр хийх үү гэдэг дээрээ тулж. Зарим бүр ууцаа чанаад бэлдчихсэн байсан гэсэн. Тэгээд ихэнх нь найраа одонгүй хийсэн юм. Харин тэрхүү алдарт одонг наадмаар ээжүүдэд гардуулж байгаа нь тэр. Гоё гоё дээл өмссөн одонгийн эзэд тэр өдрийн бас нэгэн чимэг байлаа. Лав 80 хүнд одонг нь зүүж өгнө лээ.

Наадмын цаг агаар сумын охид хүүхнүүдийн гоёлыг өөрчилжээ. Манайхан наадамдаа зориулж янз бүрийн загвараар дээл оёулжээ. Сумын уран гартай хэдэн бүсгүй наадмын өмнөх өдрүүдэд нойргүй шахам сууж дуусгасан гэнэ. Харин наадмаар ийм хүйтэн байна гэж хэн ч төсөөлөөгүй учраас хөнгөн нимгэн гоёлоо аргагүй хойш тавьжээ.

Манай сумын айл бүр портер-той. Залуус нь хужаа мотоциклиор ижиллсэн мэт гоёно. Япон, солон-гос суудлын тэрэг ч олонтой. Тэр бүх машин наадмын талбай дээр цуглажээ. Дээр нь хот хүрээнээс ирсэн ах дүү, амраг садных нь машин нийлэхээр сум маань хоёр өдөр олны хөлд дарагдлаа.

Уяач бүр морио түрүүлсэн мэт, барилдсан бүхэн өрсөлдөгчөө давсан мэт сэтгэл дүүрэн наадаж чаддаг манай сумынхан бүтэн жилжингээ хуучлах сонинтой тарцгаалаа. Сумын төвийн урд хөндийг хөгжөөн өдөөж байсан туг далбаа, хөл гишгэх зайгүй байсан олон хүн өнөөдөр бүгд гэр гэрийн зүг одсон байгаа. Тэгсэн ч хүн бүр наадмын тухай хуучилж, сэтгэлд нь дөнгөж өчигдөр болсон наадам тэр чигээрээ л үргэлжилж байгаа даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.ОТГОНСҮХ: Нийтийн тээвэрт явах хоёр давхар автобус 70 хүний суудалтай, 100 гаруй хүний багтаамжтай юм

Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Өнгө үзэмжгүй, стандартын бус хашаа хайсыг буулгах ажил хэр үр дүнтэй явж байгаа вэ?

– Нийслэлийн Засаг даргаас иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах нэг сарын хугацаатай үүргийг орлогч нар, харьяа газрын удирдлагуудад үүрэг өгсөн.

Энэ ажлын хүрээнд барилгын түр хашаануудыг стандартын дагуу сайжруулах, шинэчлэх мөн зөвшөөрөлгүйгээр газар эзэмшсэн хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгаа, тоон мэдээллийг гарган нэн даруй цуцлах, тухайн талбайг нийтийн зориулалтаар ашиглах зохион байгуулалт бүхий ажлын хэсгүүдийг дүүрэг болгонд гаргасан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй барилга угсралтын талбайн түр хашаа, хайсын 441 байршил байна гэсэн судалгаа тооцооллыг гаргасан. Үүнээс 252 хашаа, хайсыг шинэчлэх арга хэмжээ авч, эзэн холбогдогч нь тодорхойгүй, хүний эрүүл мэндэд хортой нийт 56 хашааг албадан татан буулгаж чөлөөлсөн. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн орц гарцыг чөлөөлж 72 гараашийг албадан буулгаад байна.

Улаанбаатар хотод тав болон түүнээс дээш жил болсон ухсан нүхтэй 49 газар байна. Энэ нь зундаа борооны усаар дүүрч, хог хаягдал овоорч, тухай орчинд сөрөг нөлөөтэй, иргэд унаад осолдох эрсдэл үүсгэдэг. Тиймээс бид өндөр эрсдэлтэй 49 байршилд ухсан нүхийг булуулж байна. Үүнээс одоогийн байдлаар нийт зургаан байршлыг стандартын дагуу болгон засаж сайжруулсан. Хог хаягдал ихтэй, зориулалтаар нь ашиглаагүй нүхнүүдийн газрын эрхийг цуцлан хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол болгон ашиглах юм.

-Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Тус дүүргийн хэмжээнд ажлын явц хэр өрнөж байна вэ?

-Нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд газрын зөвшөөрлөө буруу ашигласан, эрсдэлтэй орчин үүсгээд буй 89 байршилд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг эхний ээлжинд гарсан. Тэдгээрээс 69 нь хашаа, хайсны шаардлага хангаагүй зөрчилтэй байсан. Одоогийн байдлаар үүнээс 45-ыг нь шинэчлэх арга хэмжээ авсан. Мөн орц, гарц хаасан, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын машин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн хоёр гараашийг буулгасан. Дүүргийн хэмжээнд хог хаягдал овоолж, ухсан ашиглагдаагүй хашаалсан долоон газар байснаас зургаан газрыг цуцлуулах саналыг ажлын хэсгээс нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн.

-Нэг сарын хугацаатай уг эрчимжүүлсэн арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үү?

-Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар нэг сарын хугацаатай үүрэг даалгавар авч ажилласан. Бид сарын хугацаанд маш эрчимтэй ажилласан боловч барилгын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын тоо их, тухайн газрын аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шат дамжлага, хугацаа их орох учраас бид нэг сарын хугацаатай тус арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар сунгасан. Иргэдийн аюулгүй орчинг бүрэн хангасны дараагаар дуусгавар болох нь зөв хэмээн үзэж сунгах шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд бид барилгын орчинг зөвхөн хашаа гэлтгүйгээр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байгууллагуудын өнгө үзэмж, чанар стандартыг сайжруулах, нэгж талбараасаа илүү гарсан тохиолдолд тухайн нэгж талбар нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, 2020 онд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлуудын стандарт шаардлагыг хангуулах, нэгдсэн үзлэг шалгалтыг хийж, шаардлага хүргүүлэх ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Мөн инженерийн байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, лаг шаврыг цэвэрлүүлэх, гудамж талбайд байдаг гэрэлтүүлэг, цахилгаан кабелийн утас ил задгай унжсан зэрэг зөрчлүүдийг цэгцлэх, инженерийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, траншейний нүхийг битүүлэн таглах ажлыг хийж байна. Нэг сарын хугацаанд ажиллахдаа нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн лагийг цэвэрлэх ажлыг зургаан байршилд 3,370 метр квадратад цэвэрлүүлсэн. Хамгаалалтын хайс, хашлага суурилуулах ажлыг есөн байршилд 1865 метрт суурилуулсан.


-Энэ ондоо багтан 300 автобусаар нийтийн тээвэр парк шинэчлэлт хийнэ гэсэн үү?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчдод үйлчилж байна. Коронавирусийн цар тахлын үе болон зуны улирал эхэлсэнтэй холбоотой зорчигчийн урсгал, хөдөлгөөн өмнөхөөсөө буурсан. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэл дорвитой хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ ондоо багтаан 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Үүнээс энэ зургаадугаар сардаа багтаан 10 ширхэг хоёр давхар автобус, 36 энгийн цахилгаан автобус оруулж ирэхээр ажиллаж байна. Мөн энэ зундаа багтан 200 хүүхдийн сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн өвөл бид цахилгаан автобусыг анх удаагаа нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулж эхэлсэн. Манайх шиг эрс, тэс уур амьсгалтай орнуудад нийтийн тээврийн үйлчилгээнд цахилгаан буюу дотоод энерги хуримтлуулж ажилладаг батерейтай автобусыг мөн туршиж байна. Хоёр давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй гарна. Одоо нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй хүний суудалтай бол хоёр давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай юм. Өөрөөр хэлбэл нэг дор олон зорчигчдод үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

-Хоёр давхар автобус болон хүүхдийн автобусны хувьд хэдэн төгрөгийн төсвөөр орж ирж байгаа вэ?

-Энэ жил коронавирусийн халдвар тархсанаас үүдэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хүндрэлтэй байгаа. Гэвч бид дотоод нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүдээ зогсоолгүй цаг хугацаандаа хийгээд явж байна. Улсын эдийн засаг хүнд байгаа энэ үед дээрх бүтээн байгуулалтын ажил нь улсын болон нийслэлийн төсвөөр яагаад ч хийх бололцоо байхгүй. Иймд бид хөрөнгө оруулалтаа төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна. Хоёр давхар болон бусад цахилгаан автобусуудаа БНХАУ-ын хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авч байгаа.Тодруулбал, урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвөөр, 80 хувийг нь МУХБ-ны DBM Leasing болон БНХАУ-ын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр авч байна. Цахилгаан автобусны нэг бүрийг 200 мянган ам.доллараар, сургуулийн автобусыг 130 мянган ам.доллараар худалдан авч байна.

-Замын зохион байгуулалт, гүүр болоод агаарт байдаг цахилгааны утас зэргээс хамаараад хоёр давхар автобус явахад хэр тохиромжтой гэж үзэж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дээр бид хоёр үндсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Нэгдүгээрт сургуулийн автобус нь олон улсын чанар стандартад нийцсэн аюулгүй байдлыг хангасан байх. Хоёрдугаарт цаг уурын эрс тэс уур амьсгалтай газарт зохицсон техникийн нөхцөлийг хангасан байх ёстой гэсэн гол зарчим дээр тулгуурлан ажиллаж байна. Хоёр давхар автобусны тухайд бид бүх тооцоо судалгааг гаргасан. Боломжтой замын чиглэлүүдээр явна. Чиглэлийг тухайн үед танилцуулна. Эхний ээлжинд 10 ширхэг хоёр давхар автобус туршилтаар явна. Хоёр давхар автобусны хувьд 4.2 метр өндөртэй, дотор нь нийт 70 хүн зорчих боломжтой. Хоёр давхар автобус 4.2 метр өндөртэй гэдэг нь одоо үйлчилгээнд явж байгаа автобуснуудаас 1.14 метрээр л өндөр гэсэн үг. Улаанбаатар хотын төв замаар байрладаг троллейбусны шугам нь 5.6 метрээс дээш өндөрт байдаг учир хоёр давхар автобусыг троллейбус явдаг газруудаар ч үйлчилгээнд явуулах бүрэн боломжтой. Туршилтын хугацаанд гэмтэл саатал гарахгүй байвал цаашдаа үйлчилгээнд явуулна. Иргэдэд үйлчлэх төлбөр, мөнгөний хувьд өөрчлөлт орохгүй 500 төгрөгөөр зорчино.

-Сургуулийн автобус маш үр дүнтэй ажил болсонтой иргэд санал нийлэх байх. Ирэх хичээлийн жилд 200 сургуулийн автобус үйлчилнэ гэсэн үг үү?

-Улаанбаатар хотод төрийн өмчийн сургуулиудад 292 мянга гаруй хүүхэд сурдаг. Эдгээр сурагчдын талаас илүү хувь буюу 100 мянга гаруй хүүхдийг эцэг эхчүүд нь сургуульд хүргэж өгч, авдаг гэсэн судалгаа гарсан. Тиймээс сурагчдын аюулгүй байдал, эцэг эхчүүдийн цагийг хэмнэх, ажлаа хийх боломжоор нь хангах, үүнээс үүдсэн авто замын түгжрэлийг бууруулахаар “School bus буюу сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оны аравдугаар сараас арван хоёрдугаар сарын хооронд нийт 40 автобусаар 29 сургуулийн 33 чиглэлд 115 мянган хүүхэд зорчсон байдаг. Туршилтаар явуулахад үр дүнгээ өгсөн учраас 2020 оны хичээлийн шинэ жилээс эхлэн 292 мянган хүүхдэд зориулан 200 сургуулийн шинэ автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна. Энэ нь авто замын ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулаад зогсохгүй хүүхдийн аюулгүй байдал, эцэг эхчүүдийн ажилд ихээхэн тус нэмэр болно хэмээн үзэж байна.

-Нийтийн тээврийн ариутгал,цэвэрлэгээ өмнө нь байгаагүйгээр сайжирсантай иргэд маргахгүй биз. Автобус цэвэрхэн болоод зогсохгүй автобусны буудлуудыг хүртэл угаах ажил иргэдэд их хүрсэн. Цаашид энэ ажил тогтмол хийгдэх үү?

-Нийтийн тээврийн үйлчилгээ, соёлтой холбоотой гомдлууд олон жил гарсаар ирсэн. Тиймээс парк шинэчлэлт хийхийг хүлээлгүйгээр ядаж цэвэрлэгээ, үйлчилгээгээ сайжруулъя, зорчигчид эрсдэлгүй орчинд зорчоосой хэмээн зорьж их цэвэрлэгээ, ариутгалын ажлыг эрчимжүүлсэн. Нийслэлээс тусгай ажлын хэсэг томилогдон гарч нийтийн тээвэрт зорчиж буй 946 автобус, троллейбусанд хуваарийн дагуу их цэвэрлэгээ хийлгэж, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж байна.

Түүнчлэн коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх автобусанд гар ариутгагч тогтмол байршиж, жолооч нар амны хаалтыг тогтмол зүүж үйлчилж байна. Их цэвэрлэгээг тогтмолжуулах үүднээс “цэвэрлэгээний үзүүлэх сургалт”-ыг нийт тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хийж, тогтсон стандартыг мөрдүүлэхийг зорьж байна. Одоо бол цэвэрлэгээ, ариутгал дээр нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд ч гэсэн идэвх санаачилгаатай, хамтран ажилладаг болсон. Нийслэлчүүдээ өдөр бүр цэвэрхэн автобусаар зорчоосой хэмээн зорьж, тогтмолжуулахын төлөө ажлын хэсэг ажиллаж байна.

НЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудыг ариутган цэвэрлэх ажлыг явууллаа. Энэ хүрээнд нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажлууд гурван мэргэжлийн аж ахуйн нэгжтэй хамтран хуваарийн дагуу явууллаа. Үр дүнгээ өгсөн ажил болсон. Цаашид тодорхой төсөв тавиад тогтмолжуулах төлөвлөгөөтэй байна.

-Нийслэлд хийгдэж буй автозамын бүтээн байгуулалт болон зам, засварын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улаанбаатар хотод нийтдээ 52.8 км авто зам шинээр хийгдэхээр төлөвлөсөн. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км авто замын ажил хийгдэнэ. Түүнчлэн гэр хороолол тэлсэн учраас нийтийн тээврийн зогсоолыг нэн шаардлагатай есөн байршилд хийнэ. Энэ жил Улаанбаатар хотод 50.2 км дугуйн зам хийгдэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд төвийн найман байршилд дугуйн замыг төлөвлөж ерөнхий төлөвлөгөөний загварыг гаргасан. Түүнчлэн Налайхаас Яармагийн гүүр хүртэл 16 км дугуйн зам төлөвлөсөн. Тус дугуйн замыг тавьснаар дугуйн спортоор хичээллэх иргэдийн бэлтгэл болон иргэдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Дугуйн замыг хийхдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд зорчих хэсэг нь дугуй замаасаа тусгаарлах төмөр бетонон хаалтыг хийж өгч байна.

Мөн 2020 онд нийслэлийн авто замын хөгжлийн газарт ТАВАН эх үүсвэрээр төсөл арга хэмжээ хэрэгжиж эхэлсэн бөгөөд үүнээс хоёр улсын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Баянзүрхийн гүүр, Олимпийн гүүрэн гарц, Сонсголын гүүр, Яармагийн гүүр гэсэн бүтээн байгуулалтын томоохон ажил дуусах шатандаа орж байна. Улсын төсөв, нийслэлийн төсөв, замын сангийн хөрөнгөөр энэ онд 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн. Энэ жилийн төсөл нь гэр хорооллын бүсүүд рүү чиглэсэн авто замуудыг тавих юм. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын төвийн авто замын сүлжээ хангалттай бий болсон учраас гэр хороолол руу түлхүү авто зам, бүтээн байгуулалтыг хийхийг зорьж байна.

Гэр хорооллын замуудад явган зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах төвийн шугамтай хэсгүүдийг цогцоор нь сэргээн засварлах, мөн зөвшөөрлөө хэтрүүлэн хашаа барьсан иргэн ААНБ-ын орц гарцыг хаасан хашааг буулган, холбоос замуудыг хийхээр төлөвлөсөн. Холбоос замын ач холбогдол нь тухайн замын түгжрэл буурах, тухайн орон сууц, гэр хорооллуудын шуурхай авто машинууд болох яаралтай түргэн тусламжийн машин, галын машинууд орж гарахад чөлөөтэй зорчих боломж бүрдэж байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Сандуй: Намайг хорьж, хэлмэгдүүлж, хааж боож байгаа ч миний зарчим, үнэт зүйлийг ялж чадахгүй

Ц.Сандуйтай ярилцлаа.


-Бид ярилцлага хийгээд жил гаруй болжээ. Түүнээс хойш их олон үйл явдал боллоо. Одоо таныг сонгуульд нэр дэвших нь гэсэн мэдээллүүд гарч байна. Юу болоод байна вэ?

-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы хамт олондоо талархлаа илэрхийлье. Намайг хүнд байдалд байх үед танай сонин ярилцлага авч ард түмэн, олон нийт, уншигчдадаа үнэн зөв мэдээлэл хүргэсэн. Ингэснээр хүмүүсийн бодож байсан буруу зөрүү ойлголт эерэг болж, зөв мэдээлэлтэй болсон байна лээ. Түүнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Их ч юм боллоо. Хэцүү нэртэй газар хилс хэргээр 146 хоног суугаад гарч ирсэн.

Улс төрийн зохиомол хилс хэргээр хүнийг эрүүдэн шүүж, хэлмэгдүүлж, шорон хэсүүлж болдгийг биеэрээ тууллаа. Үнэхээр харамсалтай байна. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 30 жил болж байна, сайхан нийгэм байгуулж байгаа гэж бодож байсан нь эндүүрэл байж. Шударга бусын хонгил гэж ярихад тэр болгон хүн итгэж анзаардаггүй юм билээ. Өөрийн биеэр туулаад ирэхээр хувь хүний хувьд ч, гэр бүл, хамт олон, ойр дотныхны хувьд ч маш хүнд тусдаг юм билээ. Шударга бусын хонгилын анхны хохирогч нь би. Яг үнэндээ би хувь хүнийхээ хувьд бол ямар ч бэрхшээлийг даваад гарна.

-Таныг төрийн эрхийг хууль бусаар авах, мөн сонгууль будилаантуулсан гэсэн ял тулгаж байсан. Хэрэгсэхгүй болсон уу?

-Шүүхийн шийдвэрийн талаар би огт яриагүй байгаа. Яг юу болоод өнгөрсөн бэ гэвэл төрийн эрхийг хууль бусаар авах, авлига албан тушаалын хэрэг, сонгууль будилаантуулсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн албан тушаалтанд оноож болох бүх зүйл ангиар зүйлчилсэн. Прокурор дээр авлига албан тушаалын хэргээр гурван удаа хэрэг үүсгэн шалгасан ч нотлогдоогүй учраас тухай бүр хэрэгсэхгүй болсон. Дараа нь төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн гэж тагнуулаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ бол яахав, манай намын нөхдийн улс төрийн шоу байсан гэдгийг бүгд мэддэг болсон. Энэ нь явсаар шүүхэд очсон. Хамгийн инээдтэй нь хүчингүй болсон Эрүүгийн хуулийн зүйл ангиар намайг ялласан. Шинэ хуучин хоёр хууль байлаа гэхэд хуулинд зааснаар шүүгдэж байгаа хүнд аль ашигтай заалтыг (хөнгөрүүлсэн) нь ашиглах ёстой байдаг. Шинэ хуульд надад өгөөд байгаа зүйл заалт байдаггүй. Тэгэнгүүтээ хүчингүй болсон хуулийн зүйл ангиар ялласан. Шүүх хурал болоход авлига албан тушаал, төрийн эрхийг хууль бусаар авах зүйл бүрдэл алга гээд шүүгчид хүчингүй болгосон. Гэтэл шүүх хурал завсарлаад хоёр цаг гаруй алга болсны эцэст намайг “Заавал ялла” гэж манай намын нөхөд, мөр зэргэцэж явсан хүмүүс ярьсан шиг байгаа юм. Тэгээд шүүх байгууллагад намаас маш их дарамт ирсэн болов уу. Шүүгчид удаж удаж орж ирсэн. Өмнөх ялласан хэргийг хүчингүй болгосон хэрнээ огт хаа хамаагүй “Сонгууль будилаантуулсан” гэсэн үндэслэлээр дөрвөн жилийн ял өгсөн.

-Гэнэт огт өөр зүйл ангиар уу?

-Тийм. Мөрдөн байцаалт ч огт явуулаагүй, шүүх дээр мэтгэлцээн ч болоогүй, шууд л ялласан. Хүмүүс 60 тэрбумтай холбоотой хэргээр шийтгэлээ гэж бодоод байх шиг байгаа юм. Тийм биш ээ. Зүгээр зохиомол хэрэг тохож, Ц.Сандуйг нийгэмд ялтан болгож харагдуулах үйл ажиллагаа явсан юм билээ. 55 хоног 409 дүгээр ангид хоригдсон. Би давж заалдсан, шүүх надад өгсөн ялыг хэрэгсэхгүй болгосон. “Сонгуул будилаантуулах ямар нэгэн үйл, үйлдэл алга. Харин Анхан шатны шүүх дээр би энэ схемийг хийсэн гэж мэдүүлсэн Доржзодовыг тат. Гол буруутан энэ хүн байна” гэсэн шийдвэр гарсан. Уг нь хэрэг хэрэгсэхгүй болоод шууд шоронгоос гаргах ёстой юм. Гэтэл дахиад л манай намын нөхөд “гаргаж болохгүй” гээд өөр хорих руу шилжүүлж, нийтдээ хагас жил орчим хорьсон.

-Танд тулгасан бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон ч гэсэн хориод байсан гэж үү…

-Тэгсэн. Хорих үндэслэлгүй байхад л хориод байсан. 2020 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт буюу 27 дугаар тойрогт Сандуй нэр дэвших учраас гаргаж болохгүй гэж, тэнд нэр дэвших хүний захиалгаар л хийсэн ажил. Тэгээд яахав, надад тохсон хэрэг хэрэгсэхгүй болсон учраас шоронгоос гарсан.

-Хэзээ гарсан билээ…

-Гуравдугаар сарын 24-нд гарсан. Гараад хэсэг нам жим байсан. Тэгсэн хорь ч хоноогүй байхад прокурорт дахиад хэрэг үүсгэсэн. Ерөөсөө л намайг 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшчих вий гээд тэр боломжийг хаасан юм билээ. Бие даагчийн мөрийн хөтөлбөр өгөх хугацаагүй болгосон. Бие дааж нэр дэвших боломжгүй болонгуут би ер нь аль нэг намаас нэр дэвших нь зүйтэй юм байна гэж шийдсэн.


-Яагаад заавал нэр дэвшинэ гэж…

-Ц.Сандуй гэдэг хүн заавал УИХ-ын гишүүн болох гээд байгаадаа учир нь байгаа юм биш ээ. Улс төр дэх бузар булайг илчилж, үнэн ялахын төлөө л би явж байна. Өнөөдрийн байдлаар сонгуулийн сурталчилгаа дуусахаас гурав дөрөвхөн хоног дутуу байхад би нэр дэвших эрхээ авахаар хүлээж байна. Миний хувьд сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болно гэхээсээ илүү үнэн зөв ялах, шударга ёс тогтоохын төлөө л гол зорилго маань байна. Үнэн гутлаа үдэж байхад худал аль хэдийнэ хөтөл даваад явсан байдаг гэж монголчууд ярьдаг. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ ч гэдэг. Удаан ч гэсэн үнэний төлөө тууштай явна. Зохион байгуулалттайгаар намайг хэрэгт хийсэн энэ улс төрийн хар технологи нь өдрөөс өдөрт ил болсоор байна, бүр ил тод болно гэдэгт итгэлтэй байна.

-Та аль намаас нэр дэвшиж байгаа вэ?

-Сүүлийн 10 гаруй жил улс төрд идэвхтэй явсны хувьд надад олон нам, олон хүн санал тавьсан. Уулзалтууд ч хийсэн. Тэгээд би хэт улстөрждөггүй, үзэл баримтлалын хувьд ч тогтвортой Ногоон намыг сонгож, энэ намаас нэр дэвшихээр болсон. Сонгуулийн хуулийн дагуу Ногоон намаас нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 16-нд нэрсээ өгөөд нэр дэвших бэлтгэлээ хангаад явж байсан. Гэтэл дахиад саад тотгор гарсан. Би ялтай хүн биш. С.Баярцогт, Д.Эрдэнбат, Ж.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нар шиг л статустай, шалгуулж л байгаа хүн. Хуулийн дагуу нэр дэвших бүх бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. СЕХ-ноос тав хоногийн дотор Ногоон намаас нэр дэвшигчдийн бичиг баримтыг өгөөд минийхийг аваад үлдсэн. Дээд шүүх болон бусад бүх хуулийн байгууллагаас “Энэ хүн нэр дэвших боломжтой” гэсэн тодорхойлолт ирчихээд байхад СЕХ-ны есөн хүн дотроо санал хураагаад хуулиас дээгүүр шийдвэр гаргасан нь “намайг нэр дэвшүүлэхгүй” гэж нэрийг минь татсан. Сонгуулийн хуульд тухайн хүнийг нэр дэвшүүлэхгүй байх хэдхэн заалт байдаг. Тэрний аль нь ч надад хамааралгүй байсан. Энэ бүхэн МАН-ын удирдлага, тэр тойрогт нэр дэвших гэж байгаа нөхдийн оролцоотойгоор хийгдсэн ажил гэдэг нь дуулдаж л байна.

-Шүүхээс нэр дэвших боломжтой гэсэн тогтоолоо саяхан авсан гэсэн үү?

-Би тавдугаар сарын 28-нд Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцэх гээд, хэд хэдэн удаа хойшлуулж байж зургадугаар сарын 5-нд урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Сая 12-нд хуралдсан. Тэгж тэгж сунжирсаар байгаад сонгуулийн сурталчилгаа дуусах гэж байхад буюу зургадугаар сарын 17-нд (өчигдөр) л шүүхийн шийдвэрээ гар дээрээ авч байна. Захиргааны шүүх шийдвэрээ гаргах гэж тав хоносон. СЕХ шийдвэрээ авах гэж гурав хоносон.

-Ямар нэгэн байдлаар сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгах гэж сунжраад байгаа юм биш үү?

-Нэг хоног ч гэсэн удааж уях сонирхол байна. Намайг сонгуульд оруулахгүй, эсвэл сонгуульд сурталчилгаагүй оруулах гэж их хичээж байна. Үндсэн хуульд заасан миний сонгох, сонгогдох эрхэнд улс төрийн зорилгоор шууд халдаж байна. Энэ бол эвлэр шгүй юм. Хүний эрх, эрх чөлөөг ингэж хааж болохгүй. XX зуунд Монголд улс төрийн хоригдол байсан, харин энэ зуунд улс төрийн хоригдол байх ёсгүй. Үүнийг далимдуулаад хэлэхэд Монгол Улсын Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль бол монголчуудыг шоронжуулах, дарамтлуулах хууль гарчээ. Албан тушаалтнуудад маш ээлтэй. Би тэнд хагас жил болохдоо маш олон хүнтэй уулзаж ярилцаж байлаа. Хүний л амьдрал хойно, алдах эндэх юм байлгүй яахав. Гэхдээ тэнд хоригдож байгаа хүмүүс энэ хоёр хуулийг үнэхээр шүүмжилж байна. Баталсан хүмүүс нь үнэхээр дарангуйллын систем тогтоох хууль хийжээ. Тухайлбал, нэг гар утас хулгайлсан хүн 1,5 жил хоригдох ял авсан байхад тэрбум төгрөгийн хахууль авсан хүн торгуулаад гарч байх жишээтэй. Монголын шорон залуусаар дүүрсэн байна. Монголын сор болсон залуус амьдрахын эрхээр нэг хэсэг нь гадагшаа гарсан бол нэг хэсэг нь шоронд байна. Залуу насны ааг омгоор санаандгүй байдлаар гэмт хэрэгт холбогдсон хүмүүс их байна. Ажилгүй, амьдралын ядуу байдлаас болж хулгай хийж баригдсан залуус байна. Гарч ирээд би бас судаллаа. Улаанбаатарын хэмжээнд шоронд орж байгаа залуусын дийлэнх нь гэр хорооллынхон байна. Улаанбаатар хотод байгаа айл болгонд шоронгийн асуудал байна. Уг нь хүмүүсээ хөгжүүлэх, амьдралыг нь сайжруулах талаас нь бодлого гаргаж, хууль баталдаг болохоос хуйгаар нь шоронд суулгах ийм хууль гаргана гэдэг эмгэнэлтэй. Өөрчлөх л хэрэгтэй. Би өөрөө хилс хэргээр орсон учраас ийм хүмүүсийн зовлонг ойлгож байна. Ер нь анх удаа санаандгүй гэмт хэрэгт холбогдсон залууст зориулсан өршөөлийн хууль гаргах зайлшгүй шаардлага байгааг тэнд харлаа. Тэднийг халтирсан дээр нь түлхэх биш, дэмжээд өгөх бодлого хэрэгтэй байна.

-Та Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших юм уу?

-1992 онд анх Сонгинохайрхан дүүрэг байгуулагдахад аав маань анхны Засаг даргаар нь ажиллаж байсан. Би 2004 оноос энэ дүүрэгт сонгууль удирдаж, өөрөө нэр дэвшиж гарч байсан. Тиймээс би Сонгинохайрхан дүүргийн амьдрал ахуйг сайн мэднэ. Би үнэнийг тогтоохын тулд сонгуульд оролцохоор шийдсэн. Нэр дэвшихийг минь дуулаад маш олон хүн дэмжиж ярьж байна. Яагаад гэхээр би МАН-ыг цөөнх, сөрөг хүчин байхад нь ялалтанд хүргэж өнөөдрийн хүмүүсийн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломжийг нь олгож, албан тушаалын ширээ сандлыг нь бэлдэж өгсөн хүн. Албан тушаалтнууд намайг ингэж хэлмэгдүүлж байхад, намын жирийн иргэд намайг дэмжиж байгаа.

-Одоо Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, сурталчилгаагаа хийхэд юу дутуу байгаа юм бэ?

-Хуулиараа СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаар сурталчилгааны ажил эхэлдэг. Би үнэмлэх гарахыг хүлээгээд сууж байна. Сонгинохайрханы жирийн иргэд бүгд намайг мэднэ. Үнэний төлөө явж байгаа надад тэд маань санал өгнө гэж найдаж байна.

-Үнэмлэх хэзээ гарах вэ?

-Мэдэхгүй. СЕХ хуралдахгүй байна. Хуралдах юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвших үнэмлэх өгөх ёстой. Үнэмлэхээ аваад л сурталчилгааны ажилдаа орно.

-Арай л хүч тэнцвэргүй өрсөлдөөн биш үү. Сонгууль дууслаа шүү дээ?

-Сонгууль дуусахад зургаа хоног, сурталчилгаа дуусахад дөрөв хоног үлдэж байна. Ийм л байдалд байна.

-Энэ хугацаанд танд нэр дэвшигчийн үнэмлэх олгохгүй ч байж болох юм биш үү?

-Эргэлзээтэй. Би МАН-д удирдах ажил хийж байсны хувьд арай ч ийм дарангуйлалд орчихсон гэж бодсонгүй. Өнөөдөр би үнэний төлөө, шударга бусын төлөө зарчим дээрээ бат зогсоно. Намайг хорьж, хэлмэгдүүлж, хааж боож чадаж байгаа ч миний зарчим үнэт зүйлийг ялж чадахгүй.

-Энэ удаагийн сонгууль дуулиан шуугиан ихтэй байна. Таны хувьд сонгууль дуусах гэж байхад нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаар хүлээж байна. Номтойбаяр шоронд байгаа хэрнээ сурталчилгаа нь үргэлжилж байхад Ж.Эрдэнэбат гишүүнийг бариад хорьчихлоо…

-Хүмүүсийг айдаст автуулах ажиллагаа. Намайг хилс хэргээр барьж хориход хүмүүс халаглаад л өнгөрсөн. Тэр тестээ шинэ хонгилынхон над дээр амжилттай туршсан. Дараагийн тестээ Номтойбаяр дээр хийлээ. Гишүүнээс нь татгалзуулаад, нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаас нь өмнөхөн хорилоо. Дараа нь УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй шүү гэж Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьж байна. Энэ бол ард түмнийг айдаст автуулах, үе шаттай технологи, оролдлого. Хамгийн эмгэнэлтэй нь, одоогийн дарга нарыг гадаадад гэдсээ илээд хэвтэж байхад би гэдэг хүн намынхаа төлөө зүтгэж байсан шүү дээ. Одоо гишүүдээ сорчилж намнаад байгаа нь эмгэнэл юм. Би энд нэг л юм хэлж уриалъя. Нийслэлийн намынхан, Сонгинохайрхан дүүргийнхэндээ хандаж хэлэхэд “Үнэний төлөө надад нэг саналаа өгөөч ээ” л гэж уриалж байна. Түүнээс Ц.Сандуй хувь хүнийхээ өмнөөс албан тушаалын төлөө зүтгээд байгаа юм биш. Би албан тушаалтай байсан, тэр бүгдийгээ өөрөө өгөөд шалгуулж, нэр төрөө сэргээлгэсэн. Надад тохсон бүх хэрэг өнөөдөр хэрэгсэхгүй болсон. Би өнөөдөр Монголд байгаа бүх шүүхээр орсон. Сайн муу бүгдийг нь үзлээ. Шүүх, шүүгчид тэр чигээрээ муу биш юм байна. Шүүгчид хуулиа барихыг их хичээдэг юм байна. Харин эрх баригч улс төрийн хүчин өөрсдөдөө тааруулан шүүхэд нөлөөлдөг юм байна.

-Ийм үед хүний мөн чанар их танигддаг гэдэг ?

-Улс төр хийж болно. Өгөөтэй, аваатай, ялж ялагдах зүйл байна. Бүх юм өнгөрнө. Харин хүн чанар, эргэж уулзах нүүртэй байна гэдэг хамгийн гол зарчим. Хүнийг хохироож, зовоогоод байгаа энэ бүх зовлон өөр дээр нь ирнэ, бүр хэд дахин илүү ирнэ гэдгийг бодож ажиллаж амьдраасай л гэж бодож байна. МАН өмнөх сонгуулиар эв эетэй байсан учраас 65 суудал авсан юм шүү. Тэр үед АН дотроо зөрчилтэй бужигнаж байсан, үр дүн нь ялагдал. Одоо бүх юм эсрэгээрээ байна. Эвдрэх амархан, маш амархан. Буцааж эвлүүлэх хэцүү.

-Одоо та нэр дэвшиж чадахгүй бол яах вэ?

-Монгол Улс хуультай юм чинь би хуульдаа захирагдана. Гэхдээ би зарим нэг хүний үнэнг тойрог дээр нь очиж ярьж өгөх л байх даа.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Үнэний төлөө Сонгинохайрханчууд миний төлөө саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.