Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

​Спортыг улс төрөөс салгах хэрэгтэй болжээ


Өнөөдөр Монголын нийгэмд боксчин залуугийн зодуулсан бичлэг шуугиан тарьж байна. Энэ зодоон дээр амтай болгон дуугарч, хоёр тал болоод үзэж тарж байна аа. Өнөө ковид, нас баралт, эдийн засгийн уналт, түгжрэл энэ тэр бол бүр цаашаа. Хамгийн эмзэг, хамгийн их олны анхаарлыг татсан хэрэг боксчдын зодоон болж хувирлаа. Энэ юунаас эхтэй вэ гэж бодож үзсэн хүн байна уу. Энэ бол спортын холбоодыг улстөрчид, сайд дарга нарт удирдуулсны гор нь гарч байгаа хэрэг юм. Мөр мөрөөрөө явах ёстой спорт, улс төр хоёр манайд хүзүү сээрээрээ холилдлоод удаж байна. Спортын холбоодыг чиглэл чиглэлийнх нь төрийн бус байгууллага удирдаад явах ёстой байтал манай улстөрчид холилдож, өмчилж шахуу авч давхиж байдгийн гор өнөөдрийн зодооноор гарч байгаа юм. Манайхан хувь хүнээс шалтгаалж байдаг багийн бус спортыг төрөөс хэт өөгшүүлж тойглож байдаг. Жамаараа яваа улсад бол спорт спортоороо, төр нь өөрийнхөө ажлыг хийгээд явдаг. Ингэж л тогтсон, тэгж л ажилладаг. Манайхан энэ жаягийг дагах ёстой. Гэтэл шүдгүй нохой булуу хураана гэгчээр өөрийнхөө салбарын ажлыг дийлэхгүй байгаа сайдууд спортын нэг холбоог даагаад авчихдаг. Ерөнхийлөгч энэ тэр гээд сэтрийг нь зүүчихээд даналзаад явна. Үр дүн нь өнөөдрийн зодоон тойрсон дуулиан шуугиан юм.

Ер нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдаг багийн бус спортууд тухайн тамирчиндаа хүмүүжлийн асар их доголдол авчирдаг. Тэдний үзүүлсэн амжилт, алдар гавьяа нь зөвхөн хувь өөрт нь ирдэг. Тэр их ачаалал, нэр нөлөө, мөнгө төгрөгний ая данг нэг хүн дааж явна гэдэг боломжгүй. Хүссэн хүсээгүй “би баатар” болж, ард түмэн, төр засаг өөрт нь өртэй юм шиг санагдаж эхэлнэ. Тэгээд УИХ-ын гишүүн, бүр болилоо гэхэд овоо том даргын албан тушаалд сууж аваад сэтгэл нь тайвширдаг бололтой юм билээ. Ийм жишээ захаас аваад элбэг. Олимпийн аварга жүдочийг магнай дээрээ залсны үр дүн юугаар төгсөв. Монголын Олимпийн хорооны ерөнхийлөгч болж өргөмжлөгдсөн тэрбээр найзыгаа алчих шахам зодож, өөрөө шоронгийн хаалга татах дээрээ тулаад сууж байна. Араас нь одоо бас нэг тахин шүтэгдсэн олимпийн аварга боксчны нэр яригдаад эхэллээ. Энэ мэт өөрийгөө эзэн, хаан заан мэт дөвийлгөж боддог тамирчин маш олон. Ил л гардаггүй болохоос биш залуу тамирчдаа зодох, дээрэлхэх нь юу ч биш гэж ярьдаг. Шигшээ багт үзүүлсэн амжилтаараа биш, эрх ашгийн нэгдэл, танил талаараа ордог гээд яриад байвал жирийн бус зүйл их. Нэг зүйл нэмэхэд, амжилт гаргасан тамирчинд төрөөс сард олон сая төгрөгийн цалин олгодог болсноос хойш тамирчид эрсдэлтэй зүйл хийхээ больсон гэдэг. Үүнийг ялчихвал сар бүр их мөнгө авна гэж бодохоос хөдлөхөөс ч эмээдэг. Юун эрсдэлтэй мэх, олон хувилбар угсруулан хийх, өнөө мөнгө бодогдож зогссоор байгаад ялагддаг болсон гэж спорт сонирхогчид ярих болсон. Энэ бол багийн бус спортын тухайд юм. Нэг хүний спортын нийгэмд үзүүлэх нөлөө ч бага.

Харин багийн спортын тухайд арай өөр зүйл яригддаг. Яагаад спортод ингэж их ач холбогдол өгөөд, төр хүртэл оролцоод байдаг нь саяхны юм биш л дээ. Социализмын үед спортоор дамжуулан улсынхаа нэрийг тив дэлхийд гаргах нь туйлын зөв боломж байв. Интернэт, сүлжээ, харилцаа холбооны хөгжил таг харанхуй байсан тэр үед спортоор дамжуулж улсынхаа нэрийг гаргахгүй бол жижигхэн улсыг хэнбугай ч мэддэггүй байсан үе. Тэр үеэс хойш орчлон хорвоо орвонгоороо өөрчлөгдөж, дэлхий хавтгай болчихсон. Нэг товч дараад Монголын тухай бүхий л мэдээллийг авчих болсон энэ цагт уул уурхай, аялал жуулчлал зэрэг эдийн засагтаа нэмэр болохуйц салбартаа ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт татах ажил хийх нь хамгийн оновчтой хувилбар юм. Нэг хүний спортыг тахин шүтдэг цаг хэдийнэ өнгөрсөн. Манай поп коммунистууд л энэ үзэл, арга барилаас салахгүй зуураад байгаа болохоос дэлхийн чиг хандлага өөр өөрийнхөө зам мөрөөр хөгжиж явна.

Нийгмийг шуугиулаад байгаа өнөөдрийн үйл явдал боксчдын зодоон юм шиг харагдавч жинхэнэдээ бол улстөрчдийн хэрүүл, бие биенээ чадах гэсэн явуулга үргэлжилж байна. Боксын холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүн. Түүнд дургүй хэсэг бүлэг хүмүүс энэ зодооныг дэвэргэн, “Ард түмэн хүүгээ өмөөрнө” гээд хүч оруулан чангалж байна. Мэдээж, сайдыг өмөөрөгсөд нөгөө талд нь цовхчиж байгаа. Учир мэдэхгүй нэгэнд нэг зодооны тухай, хөөрхий муу хүүг ухаан баларттал нь нүдэж байгаа зэвүүцэм үйл явдлын эргэн тойронд хэрүүл өрнөж байгаа санагдана. Үнэндээ үүнтэй зэрэгцээд улс төрийн өрсөлдөөн, бие биенээ намнах ажиллагаа л ингэж өндөр аваад байгаа билээ. “Түмний нэг” хэмээх Монголын уран сайхны кинонд морины дуудлага худалдааны хэсэг байдаг даа. Эхнэртээ морь авах гэсэн хоёр эр үнийг нь бие биеэсээ өрсөн өсгөөд байдаг. Түүнийг харсан нэгэн “Ямар ид шидтэй морь болохоороо ингэж үнэд хүрдэг байна аа” хэмээн гайхшрахад хажуугийн өвгөн “Мориндоо ч биш байх аа, хүүхээ” гэж учрыг нь тайлдаг. Түүн шиг энэ их дуулиан бол яг зодоондоо ч биш юм аа. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эхлүүлсэн найр ийм зодооноор төгсөхөөр ингэж шуугилгүй яахав, зүйн хэрэг. Энгийн нэг төрийн бус байгууллагын удирдлагууд зодолдсон бол хэн ч тоохгүй, сонирхох ч үгүй. Шүүх цагдаагаараа асуудлаа шийдээд л болоо. Цаашид дарга нар далчиганаж спортын холбоодын ерөнхийлөгч энэ тэр гэсэн сэтэр зүүдгээ болих хэрэгтэй. Спорт спортоороо, улс төр нь өөрийнхөө зам мөрөөр явахгүй бол ийм хэрүүл зодоон үргэлжилсээр байх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэддээ дайсагнадаг Цагдаагийн дарга, Хууль зүйн сайд нарыг огцруулж, цагдаа нарт эрүүгийн хэрэг үүсгэж шийтгэх ёстой

Монголын цагдаагийн үнэн дүр төрх хэдхэн хоногийн өмнө цацагдсан бичлэгээс тов тод харагдаж байна. Бааранд төлбөрөө төлөхөөс цааргалсан гэх шалтгаанаар хоёр залуугийн нэгийг зодсон бололтой гавлаж унагаад, нөгөөхийг нь зогсоо зайгүй өшигчин, цохиж унагаж байгаа бичлэг хоёр минут орчим боловч үйл явдал нь цаг гаруй үргэлжилсэн бололтой. Хэдий бичлэг цацагдсанаас хойш албаныхан түмэн тайлбар хэлж байгаа ч энэ бол Монголын цагдаа монголчуудаа хүн гэж үздэггүйн нэг жишээ юм. “Энэ үйл явдал хоёр жилийн өмнө болсон. Зодсон хоёр цагдааг ажлаас нь халсан. Хэргийг АТГ шалгаж байгаа” гэх мэт тайлбар бол цагдаагийн дарга нарын арьсаа хамгаалах гэсэн арга ядсан үйл явдал юм.

Улаанбаатарт шөнө дунд хүртэл ажилладаг эрх дархтай баар бол цагдаагийн дарга нарынх байдаг. Тийм бүрэн эрхтэй болохоороо л шөнө цагдаад дуудлага өгч, өнөөх цагдаа нар нь даргадаа үнэнчээ үзүүлэхээр залуусыг тэгж аймшигтайгаар зодоо биз. Үүний дараа хоорондоо үгсэн тохирч, хэргийг тухайн өдрийн албан бүртгэлд оруулаагүй нуусан байна. Эндээс харахад яалт ч үгүй цагдаагийн томчуудын оролцоотой баар саванд ийм хэрэг болжээ. АТГ баарны далд эздийг зарлана гэдэгт найдаж байна.

Баар, нийтийн үйлчилгээний газарт энэ мэт зөрчил бишгүй л гардаг. Тэр тоолонд дуудлагаар ирсэн цагдаа нар ингэж аймшигтайгаар зоддог юм биш байгаа. Архи ууж, хэрүүл зарга үүсгэсэндээ бантаад ихэнх нь цагдаагийн гарын шүүс болоод дуугүй өнгөрдөг байж мэднэ. Бичлэгийн доорх сэтгэгдлүүдээс харж байхад цагдаад зодуулж байсан тухайгаа маш олон хүн бичжээ. Ингэхээр цагдаа нар мань хэдийгээ зодож дээрэлхдэг байдал бүр хэвшил болсон, энгийн үзэгдэл мэт бат бөх суурьшжээ. Болохгүй бол бороохойддог, үүнийхээ төлөө цагдаа, тэдний удирдлагын хэн нь ч хариуцлага хүлээдэггүй. Тэгэх л ёстой юм шиг хээв нэг гар далайдаг. Өнөөдөр ч хананы цаана хэн нэгнийг цагдаа, хүчнийхэн нэвширтэл зодож байж мэднэ.

Тун ойрхны хэдэн жишээ дурдъя.

Жишээ нэг. Тавьсан шаардлага биелүүлээгүй хэмээн хэдэн цагдаа Ц хэмээх иргэнийг олноороо дарж аван, гавлаж баривчилсан хэрэг өнгөрөгч оны арван нэгэн сард шуугиан тарьж байлаа. Үүний хариуд цагдаагаас “Тэр залуу чинь өмнө нь өчнөөн зөрчил гаргасан, ер нь танхай этгээд шүү” гэсэн тайлбар олон нийтэд цацаж байсан юм.

Жишээ хоёр. Сар гаруйхны өмнө төв талбай дээр ковидоор нас барагсдынхаа араас гашуудан зул өргөх даруухан ёслол болов. Хүмүүс тэнд нэг их бужигнаж, олноороо ирээгүй, увж цувж цөөн цөөнөөр ирж зул өргөөд буцаж байсан юм. Гэтэл цагдаа нар дайран орж ирээд зул хүжийг нь авч зугтан бөөн үймээн дэгдээлээ. Тайлбар нь “Ковидтой үед ингэж болохгүй” гэсэн боловч үхсэн хүмүүсийн араас битгий сүржигнэ гэсэн хандлага мэдрэгдээд байв.

Жишээ гурав. Арваад хоногийн өмнө сагсны талбайд бөмбөг тоглож байсан залуусыг мөн л гавлаж баривчиллаа. Маргааш нь “тэд чинь үгэнд орохгүй байсан юм” гэх маягийн зүйл цагдаагаас хэлэв.

Жишээ дөрөв. Өнгөрсөн долоо хоногт машинаараа хүн дайрч хүнд гэмтээсэн гэмт хэргийн бичлэг сошиал орчинд тавьсан залууг баривчилж, байцаалт энэ тэр авч сүрийг үзүүлж байгаа. Мөн л “дайруулсан хүн сүртэй гэмтээгүй” гэх тайлбар шидэхээр зэхэж суугаа бололтой.

За тэгээд замын цагдаа нь буланд нуугдаж зогсож байгаад гэнэт гарч ирээд торгодог, үг хэл үйлдэл, биеийн хэлэмжээрээ дээрэлхэж дарамталдаг гэдгийг хэн хүнгүй л хэлнэ дээ. Бүгд цагдаагийн ийм дарамтыг ямар нэгэн байдлаар амссан байдаг. Зодуулчихаагүй нь их юм учраас дуугүйхэн шиг өнгөрдөг юм.

Ковидын цар тахлаар далимдуулж, цагдаагийн түрэмгийлэл хэрээс хэтэрснийг хэн хүнгүй мэдэрч байгаа байх. Цар тахлын үед цагдаагийн вант улс болсныг эргэж иргэний улс болгохгүй бол удахгүй цагдаа нар Монголыг мэддэг, захирдаг болох шинж бүрэлдээд тогтчихлоо. Өнгөрсөн хоёр гуравхан жилд хотын төвд хэдэн зуун тэрбумын үнэтэй боссон цагдаа, хүчнийхний гантиг орд харшийг харахад цэргийн хунтын дэглэмтэй улсад байгаа мэт санагддаг болоод удлаа. Дээрээс нь Ерөнхий сайд нь Хэнтийнх, цагдаагийн дарга нь мөн Хэнтийнх байж болохгүй. Ийм жалга дов, төрөл садны холбоотой болоод ирэхээрээ л нөгөө хонгил үүсдэг гэдгийг сүүлийн 30 жилийн туршлага бэлээхэн харуулж ирлээ. Тэр хонгилоор дургүйгээ хүргэсэн хэнийг ч болов шулуухан шоронд илгээж болдог гэдгийг бид мэддэг болсон. Ийм учраас Цагдаагийн даргыг дариухан ажлаас нь халах хэрэгтэй байна. Салбарт нь байж боломгүй хэрэг зөрчил байнга гараад байхад хэлгүй, дүлий мэт сууж байдаг Хууль зүйн сайд ч хариуцлага хүлээж огцрох ёстой.

Энэ бүгдийг мэдсээр, харсаар байж зүгээр сууж болохгүй гэдгийг ард түмэн мэдмээрсэн. Дургүйгээ хүрвэл буудаад алчихдаг жишээг Долдугаар сарын 1-ний таван хүний халуун амиар нэрлэж болно. Хууль зөрчсөн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авдаг болохоос зарц барлаг, дайснаа дарлаж байгаа мэт ард түмэндээ ханддаг цагдаатай байж болохгүй. Цагдаа, хүчнийхний цалин хангамж ард түмний халааснаас гардаг. Гэтэл ард түмэндээ дайсан мэт ханддаг, эрх баригчдыг эзнээ мэт хайрладаг цагдаатай байж боломгүй байна. Цагдаад дээрээсээ доошоо хүртэл нэвт шувт шингэсэн, ард түмэндээ дайсагнадаг үзлийг үндсээр нь өөрчилж шинэчлэхгүй бол монголчууд бороохойны дор боол мэт зодуулсаар байх нь.

Одоо юуны түрүүнд дээрх залуусыг зодсон цагдаа нар, тухайн үед хуйвалдаж бүртгэлд оруулаагүй хүмүүс, дүүрэг, тасгийн дарга нарыг нь ч гэсэн нэрийг зарлаж хариуцлага үүрүүлэх хэрэгтэй байна. Дахин хэлэхэд, Цагдаагийн дарга, Хууль зүйн сайд нь ажлын болоод ёс зүйн хариуцлага хүлээж огцрох ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Ногоон малгайт”- ын сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ

Хэдхэн хоногийн өмнө төв талбай дээр болсон үйл явдал олон хүний зүрхийг шимшрүүлж, бас гайхшийг барж, дургүйг нь хүргэлээ. Аймшигт цар тахлын улмаас цаг бусаар тэнгэрт одсон дотны хүмүүсийнхээ төлөө зул өргөхөөр төв талбай дээр очсон энгийн хүмүүсийг цагдаа нар ичгүүргүйгээр хөөж туув. Зулыг нь булааж аваад, муур багш шиг л элдэн хөөв. Зэвсэгтэй өдөөн хатгагчдыг баривчилж байгаа мэт, жагсаал цуглаан тарааж байгаа мэт хэтэрхий сүржин авирлалаа, цагдаа нар. Уг нь хүмүүс увж цувж ирээд зулаа өргөж эмгэнэлээ илэрхийлчхээд явж байсан юм.

Монголчууд бид талийгаачдынхаа араас гашуудаж болохоо байчихжээ. Төрийн цагдаа нь ирээд “Яасан их гашууддаг юм” гээд хөөж байна. Үйлдлийг нь харахад “Тэдний хойноос гашуудах юу байсан юм. Тэд хэн юм үхээ л биз” гэсэн агуулга харагдаж зүрх зүсэв. Монгол угсаатны хувьд нас барагсдынхаа араас зул өргөх нь хамгийн том хүндэтгэл, харамсал гашуудлаа хагаслах, хойдын зам мөрийг нь гэрэлтүүлэх итгэл найдвар, сүүлчийн ёслол нь байдаг юм. Зул өргөж тайтгардаг, зул таслалгүй харамслаа хагасладаг ард түмэн. Угсаатны хувьд ийм эрхэм ёслолыг нь юман чинээ тоолгүй цагдаа нар эр бяраа гаргав. Ингэхэд тэд нар монгол хүн мөн үү гэж бодоход хүрэв. Цагдаа нар ард түмнээ бага багаар дээрэлхсээр байгаад угсаатных нь ёс жаяг, дэг ёсыг өшиглөж унагатлаа галзуурчээ. 1937 онд л ийм байсан гэдэг. “Ногоон малгайт”-нуудын гардан эхлүүлсэн ийм бараан сүүдэр олон жил үргэлжилж, Монголын сортоотой болгоны толгойг залгиж байж намдсан гэдгийг гэрчлэх буурлууд эсэн мэнд сууж байна.

Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүнийг хаанахын ямар ч хуулиар зохицуулж өөрчилдөггүй. Эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаа баталсан Ковидын түр хуулиа л өмнөө барих биз. Гэхдээ юу л хийнэ, ум хумгүй ард түмнээ баривчилдаг, айлган сүрдүүлдэг төр байж болохгүй. Үндсэн хуулийн язгуур эрхэнд хэн ч халдах ёсгүй. Цагдаа нарын ийм дээрэнгүй үйлдлийг одоо даруйхан зогсоож, хуулийн хүрээнд нь ажиллуулахгүй бол цаашид цагдаагийн хүчирхийлэл дийлдэхгүй. Зул өргөх байтугай цагдаа зөрөөд өнгөрөхөөс чичрэм хатуу өдрүүд энүүхэнд иржээ. Уг нь бол бидний л аавууд, хань нөхөр, найз нөхөд, үр хүүхдүүд маань тэнд ажилладаг биш билүү. Хамаг бүхэн цөхөрч, халуун итгэл шархирсан хар дарсан их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч монголчууд монголчуудаа л мөшгин хөөж, буудан хороож байсан билээ. Тэр цаг ирчихсэн мэт санагдах боллоо, цагдаа хүчнийхний энэ дээрэнгүй авирыг харж байхад.

Ковидын үед Монголд цагдаагийн вант улсынхны байшин барилга, бизнес шиг цэцэглэн өргөжсөн юм алга. Хатуу хөл хорионы үеэр хаана барилга барьж байна, цагдаагийн нэг хурандаагийнх байдаг. Баар, сав, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд ажиллаж байвал цагдаагийн том албан тушаалтных байдаг. Бүгд мэддэг ч хэн ч халдаж чаддаггүй. Хэн машин унаатай давхиж байна тэр л цагдаа юм уу цагдаагийн ах дүү, амраг садан байдаг байв. Монголд хамгийн эрх мэдэлтэй хүмүүс бол цагдаа нар. Улаанбаатарын хамгийн тохилог, тансаг, өөдтэй өнгөтэй шинэхэн харшууд цагдаа, тагнуул, прокурор гээд хүчний байгууллагынх. Гайхаад байх юм байхгүй ээ, тэд хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй. Хөөрхий, дэргэд нь ядарсан ардын үйлчлүүлдэг эмнэлгийн яйжиг барилгын хаалга нь салхинд салж унангаа алдаж, ханын будаг нь халцарч холцорч бартаантан ялгарч харагддаг юм.

Цагдаа ард түмнийхээ төлөө ажилладаг гэсэн ойлголт маань өнөө үед эсрэгээрээ болжээ. Хаана баривчилгаа болно, хаана энгийн иргэдээ хааж боож байна тэнд цагдаа л манаргаж явдаг бол. Манаргах манаргахдаа маниусынхаа эсрэг ажиллаж явна. Цагдаа нарыг хамгийн их турхирч чиглүүлж байдаг газар бол яах аргагүй эрх баригч нам. Намын дор цагдаагийн эрх мэдэлтнүүдийн бүхэл бүтэн бүлэг байдаг. Намын удирдлагууд өөрсдийн ууж идсэн, хулгайлж луйвардсан бүхнээ далдлах, өөрсдийг нь шүүмжилж илчилсэн бүхнийг айлгахын тулд цагдааг өмнөө бариад турхирч байдаг. Тэд юу гэнэ, цагдаа тэр дагуу үйлдэл хийж байна. Ард түмнээсээ сонгогдсон эрх баригчид ард олныхоо эсрэг тэднийг хурцалж байна. Ийм ар талтай цагдаагийн хөлд ард түмэн үрэгдээд дуусах нь. Ардчилсан хүчин, бусад чөлөөт үзэлтэй улстөрийн намууд өнөөдрийн тогтоод байгаа цагдаагийн засаглалд анхаарлаа хандуулж, хууль журмын дагуу ажиллуулахыг шахаж шаардах ёстой. Тэд даргын үгийг биш хуулиа дагадаг, хуулиа мөрддөг болох хэрэгтэй байна. Даргын үгээр яваад буруутсан жишээ нэг их холоос хайлтгүй. 2008 оны долоон сарын нэгэнд яасан билээ. Тэд даргын тушаалаар яваад буруудаж шоронд орсон нь саяхан. Тэгэхэд хуулиа мөрдсөн бол ийм явдал болж таван сайхан залуу амь насаа алдаж, дарга удирдлага нь шоронд явахгүй байсан. Тиймээс цагдааг зөвхөн хууль дагадаг болгоход сургах хэрэгтэй байна. Үүнийг эрх барьж байгаа намаас бусад нам хөдөлгөөнүүд шаардаж сурах хэрэгтэй. Ард түмэн сонор соргог байж хууль зөрчсөн алхам бүрийг илчлэн хуулийг сахиулахыг шахах ёстой. Энэ талаар өдөр бүр, цаг минут тутам марталгүй анхаарч, шахаж шаардаж байж бид энэ их дарамт, айлгалт, баривчилгаанаас салж чадна. Өнөөдөр биднийг талийгчдынхаа араас зул өргөлөө гэж цагдаа баривчилж байна. Өөрсдийгөө эрх чөлөөтэй, ардчилсан орны иргэд гэх бид энэ цагт “ногоон малгайт”-ны сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Батбаатар: Тэд гомдох эрхгүй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч, профессор Ж.Батбаатартай уулзаж өнөөдөр нийгэмд хэлэлцэгдэж байгаа хэвлэл, мэдээллийн хууль, эрх зүйн орчны болон бусад тулгамдсан асуудлын талаар тодруулж ярилцлаа.


-Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараахтай холбоотой тодорхой заалт нэлээд маргаан дагуулж хэрхэн өөрчлөх тухай яригдаж байна. Энэ талаар товчхон яривал…?

-Өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан “Эрүүгийн хууль”-ийн 13.14-т “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуунд өчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь сэтгүүл зүйн ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж гардаг санаандгүй нэг алдаа ч худал мэдээлэл тараасан болж эрүүгийн хариуцлагад татагдах, зүгээр л ажлаа хийж яваад эрүүгийн хэрэгтэн болчихож мэдэх нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ богинохон хугацаанд ийм байдлаар хэд хэдэн сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэгджээ. Сэтгүүл зүйн салбарт хуулийн энэ асуудлаар өргөн хэлэлцүүлэг явагдаж, ийм эрсдэлээс сэтгүүлчдийг хэрхэн хамгаалах арга замын тухай ярилцаж байна. Ер нь дан ганц сэтгүүлчид ч гэлтгүй, өнөө цагт мэдээллийн харилцаанд өргөн хүрээтэй оролцох болсон нийт иргэдийн эрх ашигт ч ихээхэн хамаатай асуудал юм.

УИХ-ын зарим гишүүд саяхан энэ байдалд дүгнэлт хийн хуулийн уг заалтын томьёоллыг өөрчлөх хуулийн төсөл санаачлан өргөн барьсан. Одоогийн хуулинд байгаа маш өргөн хүрээнд аливаа алдаж ташаарсан мэдээлэл бүхнийг хамааруулж хуулийн хариуцлага хүлээлгэх гээд байх боломжтой ”худал мэдээлэл” гэдгийг “гүтгэлэг” болгон өөрчлөх санал оруулж байгаа нь хамрах хүрээг хумьж, нөхцөл байдлыг дээрдүүлэх харьцангуй боломжит хувилбар юм уу гэж ойлгож байгаа.

Хэдийгээр зөв, буруу гэж тодорхой хэмжээнд маргаан дагуулдаг ч гэсэн сэтгүүлчдийг ажлаа хийснийх нь төлөө эрүүгийн хуулиар аль болох шийтгэдэггүй байх,хуулийн тийм орчин, үзэл баримтлал руу бид явах ёстой. Чөлөөт хэвлэл бол нийгмийн бусад салбаруудаас ихээхэн өвөрмөц үүрэгтэйг ойлгож, хүлээн зөвшөөрсөн ялангуяа төр, засаг түүний эрх мэдэлтнээс хараат бус байх нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой юм.

-Эндээс үүдээд асуухад улс төрд нөлөө бүхий этгээд хэвлэл, мэдээлэлд “гомдох” эрхтэй эсэх тухай яригддаг?

-Энэ чинь олон улс орны эрх зүйд бараг л аксиом болчихсон зүйл шүү дээ. Ерөнхийдөө энэ тухай асуудлыг эрх зүйн болон практикийн гэх үү, хоёр талаас авч үзэх нь түгээмэл байдаг л даа.

Нэг нь, анх 1960 онд “Нью-Иорк таймс” сонины мэдээллээс үүдсэн нэг хэргийг АНУ-ын дээд шүүх авч хэлэлцээд хэрвээ төрийн албан хаагч өөрийгөө хэвлэл мэдээллээр гүтгэгдсэн гэж үзэж байгаа бол тэр нь илтэд гүтгэлэг болохыг өөрөө баримтаар нотолсноос бусад тохиолдолд сэтгүүлч болон хэвлэлийг шүүхэд дуудах, хариуцагчаар татах ёсгүй гэсэн шийдвэр гаргасан нь одоог болтол олон улсад эрхзүйн хувьд дагаж баримтлах түгээмэл жишиг болж явдаг юм. Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалан баталгаажуулсан шүүхийн энэ шийдвэр хэвлэл, мэдээллийг эрх мэдэл, албан тушаалын аливаа дарамт, айдсаас ангид олон нийтэд мэдээллээ чөлөөтэй хүргэн ажиллах чухал нөхцлийг бүрдүүлж өгсөн гэж үздэг.

Тэгэхээр энэ нь төрийн буюу нийтийн албанд албан тушаал хашиж байгаа хэн нэгэн эрхэлж байгаа ажил, албан тушаалтай нь холбоотой хэвлэлийн аливаа шүүмжлэлд тэрчлэн буруу, ташаа гүтгэлэг гэж үзэж байлаа ч гомдол гаргах ёсгүй гэсэн үг, ардчилсан нийгэмд тийм эрх зүй үйлчилдэг. Харин хувь хүнийх нь эрх, эрх чөлөө, нэр төрд халдахтухайд бол өөр хэрэг юм. Гэтэл манай хуулинд голдуу энэ хувь хүний эрх талаас нь, энэ өнцгөөс нь хандаж адилхан л хүн учраас бусдын адил “гомдох” эрхтэй, албан тушаалтан гээд эрхээ хасуулж, ялгаварлагдах ёсгүй гэх үзэл, хандлага давамгайлж тусгалаа олсон байдаг.

-Тэгвэл нөгөө “практик” талаас нь хэрхэн үздэг юм бол?

-Тэр нь “бичигдээгүй хууль” гэж ярьдаг даа, нэг тиймэрхүү түвшинд байдаг тогтсон ойлголт юм. Аливаа өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд бас тэдэн дээр нэмээд одод, олны танил хүмүүс ч адилхан хүссэн, хүсээгүй нийгэм, олон нийт, хэвлэлийн хараа хяналт, байнгын шүүмжлэл дор нэг ёсондоо “нийгмийн, нийтийн хүн” болж амьдардаг. Тийм учраас тэд ийм “шүүлт”, шалгуурыг даах, давах сэтгэл зүйн бэлтгэл, “пянгаа даахаар хаттай” байх ёстой үздэг юм. Өөрөөр хэлбэл, тэд гомдох эрхгүй. Чөлөөт хэвлэл ийм л зарчим барьж ажилладаг, ингэж сургадаг. Аливаа эрх мэдэл, нэр нөлөө, тэдний хамаарлаас ангид байх шударга зарчмыг гол болгодог чөлөөт хэвлэл чухамдаа ийм байдлаар тэдэнд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлдэг онцлогтой.

-Бас цар тахал, онцгой нөхцөл байдлын үеийн олон нийтийн мэдээлэл, эх сурвалжийн тухай асуудал нэлээд маргаан дагуулсан уу?

-Өнгөрсөн хугацаанд Цар тахлын тухай хуулийн зарим заалт болон засгаас “Эрсдэлийн мэдээлэл, харилцааны түр хороо” байгуулж бүхий л мэдээллийг нэг эх сурвалжаас хүргэж байх тухай яригдсан зэрэг нь хэвлэл, мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг олон улсад ч ихээхэн асуудал болон яригдаж байгаа онцгой нөхцөл байдлаар далимдуулан хязгаарлагдаж болзошгүй хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хангах асуудлаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэж, МСНЭ ч үүнтэй холбоотой мэдэгдэл гаргасан.

Онцгой нөхцөл байдлын үед худал, хуурмаг мэдээллээс болгоомжлох, түүнийг хориглох нь зүй ёсны боловч албан хэмээх ганц эх сурвалжийг тулгах нь чөлөөт хэвлэлийн үүрэг, мөн чанарт хэрхэвч таарч, тохирох зүйл биш юм. Хэвлэл мэдээлэл цар тахал, онцгой нөхцөлд ч нэг эх сурвалж буюу албаны мэдээлэлд туйлшран дулдуйдах биш, аль болох олон түвшний эх сурвалжтай бодит мэдээлэл цуглуулах, судалж сурвалжлах, иргэдийн санаа бодол, байр суурийг чөлөөтэй хүргэхийг чухалчилдаг мэргэжлийн эрх ашгийг нь хөндөж, халдахааргүй эрх зүйн зохицуулалт, хямралын үеийн мэдээлэл харилцааны онцлог менежмэнт хэрэгтэй байна.

Өнгөрсөн хугацаанд гарсан шиг сошиал сүлжээний элдэв мэдээллийг мэргэжлийн түвшний буюу сэтгүүл зүйн редакцийн мэдээлэлтэй хольж, хутган ойлгож янз бүрээр дүгнээд, бодит мэдээллийн үндэс болдог олон эх сурвалжийг хааж хориглох тухай биш, мэдээлэл үнэн бодитой, баталгаатай байх шаардлагын тухай л ярих ёстой юм.

-Үүний тулд яах ёстой гэж бодож байна вэ?

-Тухайлбал, сүүлийн хоёр жил шахмын энэ хямралын нөхцөл байдал бидэнд цаашид дүрэм, журам, хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байх тухайд ихээхэн сургамж, туршлага үлдээж байна. Зөвхөн хуулийн зохицуулалт ч гэлтгүй манай хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдөө онцгой цаг үед хэрхэн ажиллах мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээ ч өнөөгийн болж буй үйл явц, тохиолдсон сургамжаас санаа, сэдэл авч боловсруулах хэрэгтэй болжээ. Энэ чиглэлээр сэтгүүлчид санаа бодол, туршлагаа солилцон хэрхэх тухай ярилцаж байгаа зарим зүйл ч бий.

-Өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарын дотоод дахь эн тэргүүний тулгамдсан асуудал нь юу байна вэ?

-Сэтгүүл зүйг сошиал медиа буюу нийгмийн сүлжээтэй заримдаа бүр ялгахад бэрхтэй болж олон нийтэд зориулсан мэдээллийн мэргэжлийн түвшний үйлдвэрлэгчид байх ёстой сэтгүүлчид зэрэгцээд “сошиал тоглогчид” болсон нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхэд хүргэх болсон. Гэвч энэ нь сошиал орон зайд олон нийтэд хүрдэг онцогтой мэдээллийг хэлээгүй шүү. Угтаа сошиалчдын өөрсдийнх нь “хөдөлмөр өдөр”, “хүн хүчний нөөц” нь хүрэлцээтэй, бүр багтаж ядаж байхад гэрээ мартаад, сав л хийвэл тэнд явцуу эрх ашиг, зорилгоор постчин, комментчин, сэвэгч хийж явдаг сэтгүүлчид ийм байдлыг бий болгож, нийгмийн хуваагдал, талцал, туйлшрал, хэтэрхийллийг дэвэргэлцэж тэр нь хэрэглэгчдэд эргэлзээ төрүүлж, хэвлэл, мэдээллийн нийгэм дэх зайлшгүй үүрэг, оролцоо бүдгэрч, орон зай нь хумигдахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгааг энд дахин хэлэхгүй байх аргагүй.

-Бас хэвлэл мэдээллийнхэн дандаа сөрөг, хар бараан юм ярьж байна гэцгээдэг. Үүнд ямар учир шалтгаан байдаг вэ, эсвэл үнэхээр тийм юм уу?

-Олон хүн сэтгүүлчид дандаа л сөрөг, муу юм ярьдаг, сөрөг хандлагатай гэж шүүмжилдэг тал бий ч, үнэн хэрэгтээ огт тийм биш, уг ажлынх нь үүрэг, мөн чанар тийм юм.

Мэдээж өнөөгийн нийгэмд, бидэнд болж бүтэж байгаа, сайн сайхан зүйл, муугаасаа хавьгүй олон нь тодорхой боловч, тэднийг магтах, алдаршуулахаас илүүтэй, нийтийн эрх ашиг, тусын тулд болохгүй, бүтэхгүй юу байгааг нь олж харах, илрүүлэх, шүүмжлэх замаар засаж сайжруулах үүргийг чөлөөт хэвлэл хүлээж байдаг юм, тэр ажлаа хийж, улс орон, нийгэм, иргэдийн төлөө санаа тавьж байдагтаа л тэгж харагддаг болохыг нь хүмүүс төдийлөн ойлгодоггүйд хамаг учир нь байдаг. Түүнээс сэтгүүл зүй муу, муухайдаа эсвэл тэнд баахан сөрөг хүмүүс цуглачихсан байдагтаа биш юм. Бас нэг юм хэлэхэд,иргэд маань олны тусын тулд цаг ямагт мэргэжлийн эр зориг, ямар нэг хэмжээгээр эрсдэл, золиос шаардаж байдаг өвөрмөц ажил болох чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийг үгүйсгэж, итгэл, зоригийг нь мохоогоод байвал нийгэмд хэн аливаа шударга бусын эсрэг тэмцэж, үнэний дуу хоолой болж явах вэ гэдгийг бодож, тийм сэтгэлгээнээсээ ангижирч, салхинд туугдсан завь шиг барьцгүй “нийгмийн сүлжээ”-нээс эрхбиш ялгаж салган, дэмжиж ажилладаг байх нь улс, нийгэмд маань тустай юм. Нөгөө талд нь сэтгүүлчид ч үүргээ хичээн биелүүлэх ёстой.

-Үзэгчид, уншигчид сэтгүүл зүйн ёс зүйд их шүүмжлэлтэй ханддаг. Ялангуяа тодорхой нэвтрүүлэг, эсвэл сэтгүүлчийнх зөв буруу гээд маргах нь ч бий. Та сэтгүүл зүйн онол, мэргэжлийн үүднээс үүнд тайлбар өгч болох уу?

-Олон нийтийн мэдээлэл гэдэг өөрийн тогтсон дүрэм, стандарт, төрөл хэлбэрүүдтэй тэдгээрийг нь урлаг, уран сайхны бүтээл шиг дур зоргоор өөрчилж гажуудуулах, элдэв тавилт, найруулга оруулаад байх боломжгүй байдаг. Хэрвээ хэн нэгэн эсрэгээр нь ингэж болно гэж бодож байгаа, эсвэл ингэж хийж болгодог бол, мэргэжлийн бус, их л тоогүй бодол, үйлдэл юм.

Зарим сэтгүүлч ярилцлага өгөхгүй гэсэн нэгнийг энд, тэндгүй хөөж элддэг нэг арга барил нэлээд дэлгэрч, сэтгүүлчид, олон түмэн ч их шүүмжилж, таагүй байгаа нь анзаарагддаг. Уг нь хэн нэгнээс ярилцлага авахдаа тосож уулзаад, хэрэг зоригоо танилцуулж, асуулт юмаа тавьж ярилцах нь сэтгүүл зүйн ч, хүний ч ёсонд нийцэх, харилцааны энгийн хэм хэмжээ юм. Ямар ч эх сурвалж ярилцлага, тайлбар өгөхгүй байх, асуултад хариулахгүй эрхтэй болохыг үл ойшоон зад загнаад заавал хариулах албатай мэт хандаад байх нь тухайн сэтгүүлчийн мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, мэдрэмж, ёс зүй зохих түвшинд хүрээгүй,асуудалтай байнаа л гэсэн үг.

Тэр эх сурвалж олон нийтэд хариулт өгсөн, өгөхөөс татгалзсан аль ч тохиолдолд үзэгчид ялгаж салгаж, үнэлэлт дүгнэлтээ өгч байдаг болохоор сэтгүүлч заавал асуултынхаа хариултыг авах гэж хэт улайрч“шатаад” байх хэрэг ихэнхдээ байхгүй. Үүнээсээ болоод алдаанд хүрэх тохиолдол харагддаг. Харин хүнийг яриулдаг, тавьсан асуултынхаа хариултыг гарцаагүй авдаг мэргэжлийн нарийн арга техникүүдийг л эзэмших, тэдгээрийг ярилцлагчийнхаа сэтгэл зүй, тухайн нөхцөл байдал, бусад онцлогт тохируулан ашиглах арга ухаанд илүүтэй суралцах хэрэгтэй.

-Сэтгүүлчдийн ярилцлага, харилцаа, хандлагын асуудлууд их шүүмжлэгдэж байна?

-Харж байхад, манай зарим нөхөд сэтгүүл зүйн ярилцлагын талаар ихэд ташаа ойлголттой, ярилцагч эх сурвалжтайгаа бяр чадал, мэдлэг, ур ухаанаа уралдуулах маягийн юм боддог, ядаж л зад мэтгэлцэх ёстой гэж санадаг, түүндээ итгэн урьж ирүүлсэн зочноо үзэгчдийн өмнө гартаах, ялж дарах болж өгвөл бүр “нокаут”-д оруулахыг хичээдэг шиг байгаа юм.

Уг нь хэвлэл мэдээллийн үүрэг, зорилго их энгийн, тухайн сэдэв, асуудлаар мэдэх, чухам хэрэгтэй хариулт өгч чадах хүнийг олж сонгон үзэгчдийн өмнөөс асуулт тавьж мэдээлэл авах, олон нийтэд хүргэх явдал л болохоос эфирийн ярилцлагын цаг чинь ямар нэг тулааны талбар биш шүү дээ. Мэдээж сэтгүүлчдэд шалгаах, “дайтах” шаардлага хааяа гардаг ч, түүндээ бүрмөсөн итгэчихээд, зориуд “дайн”-ы нөхцөл үүсгэн дайтаж, тулалдах гээд байвал бусдын дургүйцлийг төрүүлэх, ядаж л цаашид хэвлэлд эх сурвалж болох, ярилцлага өгөх хүн олдохгүйд хүргэх хор хөнөөлтэйг бодох нь зөв байх. Олон нийтийн мэдээлэл дэх иймэрхүү стандарт бус хандлага, арга барилууд нь нийгмийн ёс суртахуун, үзэл санаанд ч мөн тийм тусгалаа үлдээж байдаг.

Аливаа нийтлэл, нэвтрүүлгийн төрөл, жанрууд нь тухайн тухайн агуулгыг илэрхийлэхэд зориулагдсан өөр өөрийн онцлогтой нэг ёсны хэрэглэгдэхүүн л юм, тэдгээрийг тохируулж хэрэглэх ёстой.

Гэтэл хэвлэл, мэдээллийн эн тэргүүний үүрэг, гол ажил нь болох цаг үе, үйл явдалтай холбоотой мэдээллийн ярилцлага хийж байгаа хэрнээ л ярилцагчаа байцаах, тулган шаардах, зөв бурууг нь даруй шүүн тогтоохыг оролдох гэх зэрэг эсэн шидийн авир гаргаж, түүнийгээ мундаг сэтгүүл зүй хийж, “алаад” өгч байна гэж боддог, итгэдэг болсон байна.

Ингэж мэдээллийн сэтгүүл зүйн энэхүү үндсэн форматыг олны анхаарлыг татах гэсэн гагц зорилгоо урьтал болгон огт өөр төрлийн шоу, тавилтат хэлбэрүүдтэй ч юм уу хольж хутган жүжиг, ший янгуу шиг юм болгох нь хэвлэл мэдээллийн тухай иргэдийн ойлголт, үнэлэмж, энэ салбарын хөгжилд төдийлөн сайн зүйл авчрахгүй. Хэвлэл мэдээлэл хэзээ массын хандлага, сэтгэл зүйд тааруулсан эсвэл мөнгө, эрх мэдэл дагасан ядмаг байдлаасаа салж ангижирч чадна, тэр нөхцөлд л чөлөөт хэвлэл жинхэнэ үүргээ биелүүлэн оршиж чадна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ Засгийн газрын анхны ажил бүх нийтийн вакцинжуулалт байх ёстой

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад гурав хонож байна. Шинэ томилогдсон болон улирч үлдсэн гишүүдийг сайлж, муулж есөн шидээр нь хэлж байгаад гайхаж эгдүүцээд байх юм алга. Ийм л байдаг. Харин шинэ засагт хэд хэдэн содон гишүүн орж ирлээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдоржийг томилсонд нийтийн зүгээс “тэр хүн тэнд юугаа хийж яваа юм” гэх өнгө аяс олонтаа гарч байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорсон гол алдаа нь Ерөнхийлөгчтэй таарамж муутай байснаас үүдэлтэй гэж онцолж байгаа энэ үед Ц.Нямдорж шинэ засагт уул шиг нөмөр, уйгагүй нэмэр болох нь гарцаагүй юм. Төрд ажилласан туршлага, мэдлэг, улс төрийн болоод хувь хүний зангараг нь шинэ засгийн гол түшиг болох биз. Тэрбээр шинэ албан тушаалаа аваад “Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг орхихгүй, анхаарч ажиллана” гэсэн. Хууль зүйн сайд байх үедээ эхлүүлсэн ажил нь яах аргагүй мөн. Гэхдээ хэт үүндээ анхаарч Кихот ноён салхин тээрэмтэй байлддаг шиг юм болох вий. Бусдаар бол Ц.Нямдорж муу сонголт биш юм.

Соёлын сайд Ч.Номинг мөн л сайн муу олон янзаар ярьж байгаа. Барууны боловсролтой залуу хүний хувьд өнгөрсөн түүхээ хэт шүтэж, мунхаглах тал руугаа хэлбийх нь бага биз гэж найдна. Ямар ч байсан худам монгол бичиггүй бол бид сүйрнэ гээд “хаг хуг” гээд зогсоод байхгүй байлгүй дээ. Урлаг соёл, энтертаймент чиглэлээр хувийн компанидаа мөнгө олж байгаа шигээ Монголын кино урлагаас эхлээд соёлын салбарыг бүхэлд нь арай өөр түвшинд хүргэнэ гэж төсөөлж байна. Монгол соёлыг дэлхий сонирхдог, түүний төлөө мөнгө төлж үзэж сонcдог болчихвол түүний гавьяа байна биз ээ.

Эрүүл мэндийн сайд бол энэ цаг үеийн хамгийн чухал алба юм. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дарга байсан С.Энхболд хамгийн эгзэгтэй хэцүү үед эрүүл мэндийн салбарыг удирдахаар томилогдлоо. Удирдаж байсан эмнэлэг нь дажгүй сайн зохион байгуулалт, үйлчилгээтэй, манай алдартнууд, дарга нар үйлчлүүлдэг уламжлалтай. Шинэ сайд маань ард түмэндээ элэгтэй, ээлтэй шийдвэрүүд гаргаж, салбарынхаа дотор нь орж ажиллах хэрэгтэй. Сая эмч нарын хэт хувиа хичээсэн мунхаг зан авираас болоод Засгийн газар огцорсон гэдгийг бодвол мартахгүй ажиллах биз. Огцордог сайд шигээ хэл ам дагуулав, зүгээр л ажлаа хийгээрэй. Өмнөх сайдыг нь сүрхий менежер гэж магтдаг, түүнийг хамгийн чухал цэг болох Халдвартын эмнэлгийн даргаар тавьчихвал санаанд оромгүй сайн үр дүнгүүд дуулдаж мэднэ. Энэ мэт хүмүүсээ зөв зохион байгуулж, зөв хуваарилалт хийх ёстой.

Хотын дарга асан С.Амарсайхан Шадар сайд боллоо. Хотын мээр байхдаа эдийн засаг унасан, тахлын ийм хэцүү үед асар өндөр үнэтэй усан оргилуур барьсан. Нийтээрээ эсэргүүцээд түүний энэхүү цагаа олоогүй шийдвэрийг болиулж чадаагүй. Илүү зардлаа танаж, хэмнэж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж суугаа одоо үед тэр мөнгө нөөцөнд байсан бол юутай тустай байхсан. Шадар сайд болчихоод усан оргилуур барина гэж мугуйдалж зүтгэдэг шигээ ард түмэнд наалдацгүй огцом тэнэг шийдвэр гаргав аа л гэж захья. Тэр дүүжин тээвэр энэ тэрээсээ холхон байгаасай. Дүүжин тээвэр гэж ихэнх тохиолдолд аялал жуулчлалд зориулагдсан байдаг. Жишээлбэл, Зайсан толгойг таглаж барьсан шилтгээнийх нь дээрээс уулын бэлд хүргэх гэх мэтээр ашигладаг. Түүнээс биш Баянхошуунаас хотын төвд ирэх, Таван шараас Амгалан хүрэх дүүжин нийтийн тээвэр гэж төсөөлөгдөхгүй. Амьдралд ойрхон шийдвэр гаргаж байгаасай.

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Давс мэт шийдвэрүүд олон гаргана” гэж хэлсэн. Амьдралд хэрэгтэй, улс оронд нэмэртэй шийдвэрийг ард түмэн ойлгож дэмжинэ ээ. Улстөржилгүй, зөв л ажиллах хэрэгтэй.Орой эрт унтаж өглөө эрт босдог ард түмэн байна, англи хэлийг хоёрдугаар хэл болгоно, найз нөхдөө хорхогоор дайлдагаа болих, буяны тарга гэдэг ойлголтоос салах, жин барьдаг ард түмэн болно.Мөн хамгийн олзуурхууштай нь хэвлэл мэдээлэлтэй хамтарч ажиллана, шүгэл үлээгчийн хууль батална гэх зэрэг нь шинэ шинэлэг шинэ үе гарч ирж байгааг харагдуулсан мэдээлэл байлаа. Өмнөх Ерөнхий сайд хэвлэлд нэг удаа ч ярилцлага өгч байсангүй. Танхимын сайдууд нь ч алдаг оног хаа нэг дуугарч байв. Тэд юунд зорьж, юу хийсэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, таг харанхуй буусан. Уучлаарай, нийтэд зориулсан сүржин мэдээллүүд хийснийг чинь энд зориуд оруулсангүй.

Цар тахлын улмаас эдийн засаг гацсан, нийтээрээ айдас хүйдэстэй энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний танхимын хамгийн түрүүнд хийх ажил бол бүх нийтийн вакцинжуулалт. Яг өнөөдрийн байдлаар “тэдэн тун вакцин төчнөөн төгрөгөөр захиаллаа” гэсэн мэдээлэл байхгүй л байна. Ер нь вакцинд мөнгө төсөвлөөгүй бололтой харагдах юм. Энэ ч хөтөлбөрт хамрагдана, тэр ч тусламжаар үнэгүй авчих юм яриад л байна. Гурван сая гаруйхан монголчуудынхаа эрүүл мэндэд ямар хайнга хөндий хандаж байх юм гэж гайхмаар. Яг л хуучин энд тэндээс төсвийн цоорхойг нөхөх хэдэн доллар олж ирдэг шигээ л яриад байх юм. Ард түмний эрүүл мэнд ийм хоёр гуравдугаар зэргийн ажил болоод удаж байна. Үүнийг л хамгийн түрүүнд болих хэрэгтэй. Дахин хэлье, танай Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол бүх нийтийн вакцинжуулалт. Энэ засаг 100 хоногт вакцинжуулахаа зарлалаа. Тэгвэл хуучин засаг энэ хоёрдугаар сарын дундуур эхэлнэ гэж байлаа. Тэгэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ тал дээр юу ч хийгээгүй худлаа ярьж ард түмнийг хууран цаг нөхцөөж байсан гэдэг нь харагдаж байна. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар вакцинжуулалтын ажлыг шинээр эхлэн хийх бололтой. Хуучин У.Хүрэлсүхийн ажил явцтай байсан бол юу гэж ингэж 100 хоногоор хойшлох билээ.

Төдийгөөс өдий хүртэл хамгийн сайн вакциныг нь захиалж, мөнгөө төлчихөөд, ирэхийг нь хүлээж суухад хангалттай цаг хугацаа, боломж байсан. Энэ ажилд нэг л хойрго хандаад байгаа мэт санагдах боллоо. Удирдлагууд сүйхээтэй, сэтгэлтэй, ард түмнээ боддог улс орнууд хэдийнэ вакцинжуулаад эхэлсэн. Манайд болохоор хувийн ганц нэг компани л цөөн тун вакцин захих гэрээ хийх гэж байгаа тухай дуулдах юм.

Одоо эрүүл мэнддээ мөнгө зарцуулдаг болмоор байна. Хамгийн сайн гэж байгаа вакциныг яаралтай худалдаж авч ирэх амин чухал хэрэгцээ байна. Эрүүл байхад ажил хийж болно. Энэ ард түмнийг тахлын вакцинаар хангачихаад ажиллуулаад үзээрэй. Яриад байгаа эрт босч ажиллах, давс мэт шийдвэрүүдээ гаргаад шахаад өг. Юунаас эхлэх, яаж ажиллах гээд төсөл төлөвлөгөөгөө гаргасан биз, харьцангуй урт хугацаа энэ засагт байна. Эдийн засгаа чадах ядахаараа босгоод л ирнэ, энэ ард түмэн чинь. Дахин хэлэхэд, эрүүл хүн л эрч хүчтэй ажиллана.

УИХ-ын зарим гишүүд “Шинэ Засгийн газрыг бага шүүмжлээрэй” гэж байсан. Зөв ажиллаад, зүгээр л хийх ёстойгоо хийгээд байвал хэн тэднийг шүүмжилж баалах билээ. Буруу тийшээ зүтгээд, улстөржиж гүйгээд байвал шүүмжлэх байтугай л юм болно. Сая нэг гайхам гоё жишиг тогтсоныг анзаараа биз дээ. Ард түмэндээ, эх орондоо хүнийрхүү цэвдэг сэтгэлээр хандаад, үл тоогоод байвал хөгшин залуугүй шууд л гараад эсэргүүцлээ илэрхийлдэг болсныг. Тэр эсэргүүцэл та нарыг шүүмжлэх байтугай дор нь огцруулах хүчтэй. Ер нь огцруулах байтугай л юм болно шүү. Энэ бол ард түмний хувьд маш зөв соёл болж тогтох ёстой юм. Та нарын буюу эрх баригчдын хувьд бол аюултай муу зан сургасан гэсэн үг л дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Танхимд суугаа Ерөнхий сайдаа эвийлж байхаар Антарктидаас ч хүйтэнд зогсох цагдаа нараа өрөвдмөөр юм

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэдхэн хоногийн өмнөх чуулганы хуралдаан дээр “Сая Ерөнхий сайдын өрөөгөөр ороод ирлээ. Цахилгаанаа хэмнээд нэлээн хүйтэн өрөөнд ажлаа хийгээд сууж байна лээ” гэж хэлсэн нь олны элэг доог болж байна. Яахав, энэ хэцүү үед Ерөнхий сайд хүртэл тог цахилгаанаа хэмнэж байна гэсэн санаа юм болов уу даа. Гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй ээ. Албан байгууллагын халаалт хамгийн сэрүүхэндээ 15-20 градус хүрч буурдаг. 15 градуст сэрүүхэн байдаг нь үнэн ч даарч зутрахдаа тулахгүй. Тэгээд ч төрийн ордонд, Ерөнхий сайдын өрөө тийм зутруу байна гэхэд хэн ч үнэмшихгүй, ер нь худлаа. Халуу дүүгсэн өрөөндөө ажлаа хийгээд тухтайхан сууж байгаа Ерөнхий сайдаа өрөвдөж байхаар хойд, өмнөд туйлаас ч хүйтэнд чөмгөө царцтал зогсож байгаа хэдэн цагдаа нараа өрөвдмөөр юм даа.

Монголд ид хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд Улаанбаатарт шөнөдөө – 40 градус давж хүйтэрдэг. Өнөөдөр л гэхэд өдөртөө –31 градус зааж байна. Дэлхийн хамгийн хүйтэн цэг өмнөд туйлд өдгөө -30 градус зааж байгааг та харж болно. Өмнөд туйлын зун нь. Энэ үеийн дундаж температур нь -30 юм байна. Туйл судлаач Л.Дүгэржав гуайг нэгдүгээр сарын 9-нд тэнд очиход энэ хавьцаа хүйтэн байжээ. Хойд туйлд өдгөө өвлийн харанхуй өдрүүд үргэлжиж буй. Тэнд ч өмнөд туйлын хавьцаа хүйтэн байгаа бөгөөд агаарын температур жилээс жилд дулаарч мөсөн уулнууд хайлж байгаа мэдээллийг бид сонссоор байгаа. Дэлхийн хамгийн хүйтэн гэгддэг өмнөд туйлын дундаж температур нь -50 градус. Тийшээ явах судалгаа шинжилгээний багийнханд заавал мөрдөх стандарт бий. Түүний нэг нь дулаан хувцас. Хасах 50 хэмийн хүйтэнг ажралгүй давах дулаан хадгалах стандартын хувцас өмсөж байж тийшээ зүглэнэ. Антарктидын үндэсний стандарт гэж бий. Тэр стандартыг хангадаг хувцас үйлдвэрлэлийн компаниуд бий. Дотуур хувцас, оймс, малгайнаас эхлээд өмд, гутал, гадуур хувцас, хөнжил гудас бүгд дулаанаа хадгалах стандарттай. Манай аяллын компаниуд ч хэдийнэ оруулаад ирсэн байна лээ. Өвлийн аялалд зориулсан дулаан хадгалдаг хувцас хэрэглэл бүгд зарагдаж байгаа. Хойд туйл ч ялгаагүй, тийшээ зүглэгсэд мөн л дулаан хадгалах стандртын хувцас өмсөх заалттай, өмсөхгүй бол хөлдөж үхнэ.

Ийн тоочихын учир жавар тачигнасан хүйтэнд хөнгөн нимгэн хувцастай даарч зогсоо хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, өвлийн хувцас аваад өгчих хэрэгтэй байна. Жил бүрийн арван нэгээс гуравдугаар сар хүртэл Монголд амьд амьтан тэсэхийн аргагүй хүйтэрдэг нь үнэн. Тэр үед өнөө хэдэн цагдаа нар маань л гудамжинд дэрчийтэл зогсож байдаг нь үнэн. Өнөө жилийн хувьд цагдаа нар өдөр шөнөгүй хүйтэнд харуулд гарч байна. Хөл хорионы онцгой энэ үед тэд л бүрэн бүрэлдэхүүнээрээ цаг наргүй ажиллаж, хэв журам мөрдүүлж байна. Цонхоороо хар даа. Гудамж болгоны үзүүрт, уулзвар бүр дээр хоёр гурван цагдаа зогсож байгаа. Гэрээс ороод гарахын хооронд хацар чимчигнүүлж буй жаварт өдрүүдэд тэд ээлжгүй өдөржингөө ч зогсож байж мэднэ. Өмссөн хувцас нь хагас түрийтэй хар гутал, зулхай дотортой өвлийн хүрэм, нимгэн өмд, ноосон малгай. Арай гайгүй зарим нь дотуураа ноос, ноолууран өмд давхарлаж өмсдөг байх. Ихэнхдээ л бэлтгэлийн нимгэн өмдөн дээрээ цагдаагийн хөх өмдөө өмсчихөөд даарч зогсоо доо. Үнэн нь тэр юм. Ойр хавьд ажиллаж байгаа цайны газар ч байхгүй, албан байгууллагууд хаалттай болохоор ороод дулаацчих газар алга. Ойролцоо зогсоо машиндаа эрхбиш ээлжилж сууж дулаацдаг биз гэж найдаж байна. Даарч байна гэж хэлэх тэдэнд арай л багадах байх. Бээрч осгохын даваан дээр л гэрийн бараа хардаг. Ийм л хангамжтай хэдэн цагдаа нартаа дулаан хадгалдаг, -40-50 градусын хүйтэнд өмсдөг стандартын хувцсыг нь аваад өгчихөд улсын сан хотойгоод хороод байхгүй нь мэдээж. Ингэж бөмбийтөл нь дулаалж өгчихөөд хөхөө өвлийн хүйтэнд хөөж гаргаж байхад ядаж нүүр бардам, сэтгэл амар байх юм даа. Хаанаасаа ч халуун ус олсон юм, нэг удаагийн найруулдаг кофе цаасан аяганд найруулаад машин руугаа гүйж байгаа цагдаа залууг хараад хэр удаан өл дааж, хэдий хугацаанд дулаацах бол гэж бодож явлаа. Залуу байхдаа тэд даарч хөрөөд тоохгүй яваад л байна, 10 жилийн дараа бөөр нурууны өвчнөөс эхлээд бүхий л бие нь доголдож эхэлдэг гэж хуучцуул нь ярих юм билээ.

Дулаан байшинд суугаа дарга нараа даарч байгаа, хөөрхий гэж долоож байхаар цэвдэг хүйтэн гудамжинд бээрч зогсоо цагдаа нарынхаа хувцас хангамжийг нэг хар даа. Үүргээ гүйцэтгэж байгаа энэ хэддээ стандартын дулаан хувцас авч өг. Энэ бол төрийн үүрэг шүү.

Төрийн өндөр алба хашдаг нөхөд хэн нэгэн даргадаа таалагдах гэж улаан цайм ингэж худлаа ярих нь хэтэрхий ёс суртахуунгүй үйлдэл юм. Тэд ийм увайгүй, ёс зүйгүй үйлдлээрээ ард түмнээ уриалан дуудаж буй хэрэг. “Над шиг ингэж амьдар, над шиг ингэж худлаа ярь, ёс суртахуунаар яадаг юм” гэж үлгэрлэн дагуулж буй хэрэг. Аймшиг нь энд л буй за.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бүх зүйл алгуурхан өөрчлөгдсөөр

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний амьдралд асар их өөрчлөлт гарчээ. Бидний аав, ээжийн идэр залуухан үед хувьдаа машинтай хүн байсангүй. Хамгийн гоё, хүчтэй машин нь “69” байсан юмдаг уу даа. Хол байгаа хүнтэйгээ цахилгаан бичиж хэл дуулгана. Айлууд зурагтгүй, хөргөгчгүй байв. Арай сүүлд зурагттай болсон ч ганцхан монгол телевиз нэг өдөр өнжөөд зөвхөн орой л гардаг байсан. Хүн бүр хувьдаа өмч хөрөнгөтэй болно, машин унана гэж төсөөлж ч чаддаггүй байжээ. Гар утасны тухайд бол тийм ойлголт байгаагүй. Дөч, тавьхан жилийн өмнөхийг л ярьж байна шүү дээ. Тэгэхэд сүрьеэ, хатгаа,бараг мухар олгойгоор үхдэг байж. Одоо бол манай эмч нар сүрьеэ, хатгаа бүү хэл судсан дотор мэс засал хийж байгаа нь ердийн л үзэгдэл.

Одоогоос дөч, тавин жилийн дараа ч бидний зүүдний юм шиг сонин амьдрал бий болсон байна. Хүмүүс хий агаараас компьютерээ гаргаж ирээд асаах, өвдөж зовлоо гэхэд шинэ эрхтэн ургуулаад сэлбэх, машинаараа нисэх, жижигхэн хуруу зайгаар машинаа цэнэглээд хэдэн мянган км давхих гэх мэт бол жирийн л байдаг зүйл мэт тогтсон байх нь. Өөр бидний оюун санаанд төсөөлж чадахааргүй юу ч гарч ирэх юм, таашгүй. Тэр үед бас л одоогийн ковид шиг өвчин соёлт ертөнцийг сандаргаж, асуудлууд ар араасаа гарсаар л байх вий.

Ийм л орчлон ертөнцөд бид амьдарч байна. Бүх зүйл алгуурхан хувьсан өөрчлөгдөж байгаа ч хүмүүс бид дандаа л ийм байсан мэт санадаг. Сайнтай нь ч, муутай нь дасан зохицож амьдардаг. Хайртай хүмүүс маань биднийг уйлуулан одож, бид тэдэнгүйгээрээ амьдарч сурдаг. Шинэ хүмүүсээ тосон авч, өмнө нь дандаа хамт байсан мэт хайрладаг. Бид өөрсдөө ч нэгэн өдөр хэзээ ч амьдарч байснаа санахааргүй хол одоцгоодог билээ.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Шинжлэх ухаан хэрэглээнд зориулагдсан гэдгийг манай эрдэмтэд мэддэг үү?

Дэлхийд шинжлэх ухааны хөгжил пуужин шиг маш хүчтэй, хурдацтай хөгжиж байна. Өнөөдрийн нээлт маргааш нь шахуу хөрсөн дээр бууж, шинэ шинэ технологиуд ар араасаа цуварч, хүмүүс бид энэ их хурдыг өөрсдөө ч гүйцэхээ больж байх шиг. ямартаа ч , амьдрахад тун амар хялбар болж байна. Энэ бол зохион бүтээгч эрдэмтдийн гавьяа, шинжлэх ухааны хөгжлийн үр дүн юм.

Монгол Улс ч гэсэн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзээд тусдаа академи байгуулсан нь өдгөө 100 жилийнхээ ойтой золгож байна. 1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь өдгөөгийн Шинжлэх ухааны үндэс суурь нь болжээ. Тусгай байр савтай, төрөлжсөн хүрээлэнгүүдтэй, төрөөс төсөв мөнгөтэй том газар. Хэдхэн хоногийн өмнө Шинжлэх ухааны академийн их чуулган болж, ерөнхийлөгчөө улираан сонголоо. Шинэ том байрандаа ч нүүж оржээ. Харин тэр зүгээс чихэнд чимэгтэй шинэ мэдээ ойрд сонсогдсонгүй. Шинэ мэдээ гэдэгт манай эрдэмтдийн хийсэн шинэ бүтээлүүд амьдралд хэрэгжиж, Монгол Улсынхаа хөгжилд дусал ч атугай хувь нэмэр оруулж буй мэдээллийг хэлээд байгаа хэрэг. Дан ганц шинжлэх ухааны академи гэлтгүй Шинжлэх ухаан технологийн сан гээд бас нэг том газар бий. Жил бүр шинжлэх ухааны шилдгүүдээ шалгаруулж, чамгүй өндөр шагнал өгдөг ч тэдний дундаас гялалзаж гялтгасан, бидний өдөр тутмын амьдралд нэвтэрсэн шинэ бүтээл байна уу. Гурван жилийн өмнө шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарсан “Монгол орны эмийн ургамлаас хорт хавдрыг эмчлэх шинэ арга” одоо ямархуу түвшинд туршилт судалгаа хийгдэж байдаг юм бол. Чимээ байхгүйг бодоход шагналаа аваад зогссон юм болов уу. “Монгол эрдэмтэд хуруу зай үйлдвэрлэлээ” гээд хэсэг шуугьсан. Сайн мэдээ. “Энэ төрлийн хуруу зайнаас 2-3 дахин илүү чанартай” гэж бүтээлээ ярих эрдэмтнээс манай сурвалжлагч “Та нар үүнийгээ хөгжүүлээд приус машины батерей хийх боломжтой юу” гэж асуугаад ам руугаа алгадуулсан. Цөмийн физик, цөмийн энергийн талаар манайхан хавьгүй сайн мэдлэг мэдээлэлтэй. Оросын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн инситутад монгол эрдэмтэд байнга л ажиллаж ирсэн. Гэтэл манайд энэ салбар огт хөгжөөгүй.

Монголын эрдэмтэд онолын шинжлэх ухаанаа илүүд үздэг гэдэг. Дэлхийд алдартай аль нэг сэтгүүлд судалгааны бүтээлээ нийтлүүлэхийг илүүд үзэж, тэр чиглэлд анхаардаг. Том зорилго нь тэр бөгөөд их сургууль, хүрээлэнгийн удирдлагууд ч энэ ажлыг нь илүүтэй дэмждэг байна. Энэ бол онолын шинжлэх ухааны байгууллагын гол ажил нь, эрдэмтний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гарц нь мөн. Гэхдээ орчин үед онолынхоос илүү хэрэглээний шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, улс орнууд түүний ачаар л өндөр хөгжилд хүрч байна. Онолоо ч хөгжүүл, хэрэглээний шинжлэх ухаанаа ч зэрэгцүүлж өндөрт гаргах хэрэгтэй гэдгийг 100 жилийн түүхтэй байгууллага, түүнийг удирдаж байгаа хүмүүс анзаарч бодлогодоо тусгаасай. яг үнэндээ санхүүжүүлье гэхээр олигтой бүтээл манайханд байдаггүй гэж бизнесмэнүүд та нарыг голж байна. Тэгэхээр мөнгө төгрөггүй гэж элдэв зовлон тоочихоо бас больчих хэрэгтэй. Саяхан Хөдөлмөрийн баатар болсон “Монос”-ын Л.Хүрэлбаатар гуай номондоо яг ийм санааг хөндсөн байна лээ. Тухайлбал, “Нэг ургамлыг судлаад шинэ бодис нээлээ, эмчилгээний ийм үйлдэлтэй гэж зарлаад алдаршдаг. Шинжлэх ухааны хувьд яах аргагүй амжилт, шинэлэг зүйл л дээ. Гэтэл нөгөө бодис агуулдаг ургамал нь маш ховор, үйлдвэрлэлийн нөөц бараг байхгүй, тарималжуулах боломж тааруу байдаг. Бас өвчнийг анагаах чадвар нь одоо байгаа эмнүүдээс сул болохоор эм хийх шаардлагагүй тохиолдол ч бий. Нөгөө талаар нээсэн шинэ бодис нь тухайн ургамалдаа маш өчүүхэн хэмжээтэй агуулагддаг болохоор эм хийх талаар бодохын ч хэрэггүй байх талтай. Эм зүй, эм судлалын салбарт ажилладгийн хувьд ийм тохиолдолтой маш их таарч байлаа” гэж бичсэн байна лээ. Байгаа байдлыг нь үнэнээр нь хэлж байгаа нь энэ. Манайхан голдуу ийм л судалгааны ажилд цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулж байна.

Ард түмэн юу хүсч байна, Монгол Улсад ямар бүтээл хамгийн хэрэгтэй байна вэ гэдгийг судалж, хэрэглээ тал руугаа хэлбийхгүй бол 100 жил онол яриад бид хөгжсөнгүй. “Манай эрдэмтэд коронавирусийн эсрэг вакцин хийж байгаа болов уу” гэж уншигчид биднээс асуудаг. Асуух ёстой асуулт. Шинжлэх ухааны академи харин энэ асуултад юу гэж хариулах бол.

Арваад жилийн өмнө дэлхийн улсуудын шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байгаа залуу эрдэмтэн судлаачдаа Монгол Улс урьсан билээ. Бүр Засгийн газрын хэмжээд аян өрнүүлж, миний мэдэхээр арав гаруй шилдэг залуу эрдэмтэд эх орондоо ажиллахаар ирснийг санаж байна. Өндөр цалин хангамжтай ажлаасаа гарч тэд эх орондоо ирцгээсэн. Харамсалтай нь, тэдний ихэнх нь нэг хоёр жил ажиллаад буцсан. Юм хийх гэхээр өмнүүр нь ороод тэглээд хэвтчихдэг хачин хандлага тэднийг үргээчихсэн гэдэг. Шуудхан хэлэхэд ажиллах боломж олгоогүй юм, тэдэнд.

Хандлагаа өөрчлөх цаг болсон байна, эрдэмтэд минь. Амьдралд буусан, бидэнд хэрэгтэй зүйл хийгээч. Монгол хүний чадвар чансааг харуулсан тийм шилдэг бүтээлүүдээр биднийг гайхашируулаач.

Categories
мэдээ нийгэм

​Б.Ганчимэг: Шулуухан хэлэхэд, мэдээллийн агентлаг бол тухайн улсын тусгаар тогтнолынх нь бэлгэ тэмдэг байдаг юм шүү дээ

-ХАРАМСАЛТАЙ НЬ ТУСГААР ТОГТНОЛЫНХОО БЭЛГЭ ТЭМДЭГТ МАНАЙ ШИНЭ ҮЕИЙН ТӨР ЗАСАГ ДАГАВАР, ШООВДОР ХҮҮХЭД ШИГЭЭ ХАНДАЖ ИРЛЭЭ-

Үнэдэсний Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэгтэй уулзаж ярилцлаа.

-Ирэх 2021 онд МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой болох юм байна. Тэгэхээр Ардын хувьсгал, МОНЦАМЭ хоёр холбоотой болж байна уу?

-Тийм ээ, 2021 онд МОНЦАМЭагентлагийг үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ой болно. 1921 оны Ардын хувьсгалтай нас чацуу байгууллага. Анх байгуулсан түүх нь ч Ардын хувьсгал, жанжин Д.Сүхбаатартай холбогддог. Яагаад гээч?

-Яагаад?

-1921 оны гуравдугаар сарын 18-нд тухайн үеийн ардын журамт цэрэг Хиагт хот буюу одоогийн Алтанбулагийг гамин цэргүүдээс чөлөөлж, энэ нь явсаар 1921 оны Ардын хувьсгал ялахад нөлөөлсөн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Хиагтыг чөлөөлөнгүүтээ жанжин Д.Сүхбаатар тэнд байсан цахилгаан мэдээний газар буюу одоогоор бол холбооны газрын техник хэрэгслийг шууд өөрийн мэдэлд авч, дайны хөлд эвдэрч сүйрснийг нь засч сэлбүүлээд тэндээс Оросын сургагч Демко гэдэг хүнээр тухайн үеийн Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Дальта гэдэг мэдээний агентлаг руу “Монголын ардын журамт цэргүүд Хиагт хотыг гамин цэргүүдээс чөлөөллөө” гэсэн агуулгатай мэдээ дамжуулуулсан байгаа юм.

Энэ мэдээ нь Дальтагаас цааш РОСТА(өнөөгийн ТАССагентлаг)агентлаг руу дамжиж, ингээд 1921 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн“Правда” сонинд “Монголчуудын бослого” нэрээр МОНТАмэдээллээ гээд нийтлэгдсэн. Өөрөөр хэлбэл, өнөөгийн МОНЦАМЭ агентлагийн анхны мэдээгээ цацсан өдөр бол 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр. Эндээс эхлээд МОНТАгэж мэдээллийн газар байгуулах асуудал хөндөгдөж, яригдсаар ардын журамт цэргүүд Нийслэл хүрээнд орж ирсний дараахан буюу 1921 оны долдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Монголын цахилгаан мэдээний агентлаг-МОНТА-г албан ёсоор байгуулсан. Анх Дотоод яамны мэдэлд байгаад удалгүй Цэргийн яамны харьяанд очсон.

-МОНТА гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бэ. Энэ нь одоогийн МОНЦАМЭ-тэй яаж холбогдож байгаа юм?

-МОНТА гэдэг нь Монгольское Телеграфное Агенство гэсэн үгийн товчлол л доо. Тухайн үедээ РОСТА-г хуулбарлаж ингэж нэрлэсэн байх. Оросуудад РОСТА байгаа бол Монголд МОНТА байна гэдэг ч юм уу. Сүүлд МОНЦАМЭ агентлагийг дахин сэргээж бие даалган байгуулахдаа энэ МОНТА гэсэн орос үгийн товчлолоо монгол хэлээр болгоод Монголын цахилгаан мэдээ буюу МОНЦАМЭ гэж нэрлэсэн. МОНЦАМЭ гэдэг нэр чинь бүр их эрдэмтэн Бямбын Ринчен гуайн өгсөн оноосон нэр шүү.

-Тийм үү, бас сонирхолтой л юм. МОНТА маань тухайн үедээ ямар үүрэг гүйцэтгэж байсан юм бэ?

-МОНТА тухайн үедээ яг л одоогийн мэдээллийн агентлагуудын жишгээр ажиллаж байж. Монгол болон орос хэлээр долоо хоногтоо хоёр удаа мэдээний сонин хэвлүүлдэг байсан. Нэг үгээр хэлэхэд, дотоодод төдийгүй гадаадад Монголын тухай мэдээллийг хүргэж байсан гэсэн үг. Монгол хэлээр гардаг “Хураангуй сэтгүүл”-д нь тухайн үеийн Монголын дотоод амьдрал, улс төр, эдийн засаг, Засгийн газар, Ардын нам, залуучуудын байгууллагын ажил үйлсийг мэдээлээд зогсохгүй гадаад орнуудад болж буй үйл явдлуудыг тогтмол мэдээлдэг “Хятад орноор”, “Орос орноор”, “Япон орноор”, “Европоор” гэсэн булангуудтай байж. Нөгөө орос хэлээр гардаг “Бюллетень МОНТА” сонин нь Монголын дотоод амьдрал, төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэр, гадаад харилцаатай холбоотой мэдээллүүдийг бэлтгэж, энүүхэн Хиагт, Чита, Улаан-Үд, Эрхүүгээс эхлээд Москва, Санкт-Петербург хүртэл сониноо тараадаг байсан байгаа юм. Манай МОНЦАМЭ агентлагийн даргаар олон жил ажиллаж, МОНЦАМЭ агентлагийн түүхийг судалсан СГЗ, сэтгүүлч Т.Баасансүрэн гуай Төв номын санд байсан МОНТА-гийн эдгээр монгол, орос сонинуудаас үлдсэн дугааруудыг бүгдийг нь орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлүүлээд өөрөө судалгааны өгүүллийг нь бичиж тусгай ном гаргасан байгаа. Түүнийг унших юм бол, ялангуяа тэр мэдээлж байсан мэдээнүүдийг унших юм бол ёстой хачин сонин юмс их байгаа. Мэдээнүүд нь маш товчхон, оновчтой, тодорхой тоо баримттай, эх сурвалжтай гээд. Нөгөө талаар бас л тухайн үеийн Монголын түүх харагддаг. Жа ламыг хэрхэн баривчилж толгойг нь авсан, жанжин Д.Сүхбаатарыг яаж оршуулж, түүнд нь хэн хэн оролцон ямар үг хэлсэн гэдэг ч юм уу… Монгол, орос хэлээр сонин гаргаад зогсохгүй Монголын тухай мэдээллүүдийг цахилгаан мэдээ байдлаар багцалж бас гадагш нь тараадаг байсан байгаа юм. Яг л дэлхийн мэдээллийн агентлагуудын ажилладаг сонгодог зарчмаар ажиллаж байсан гэсэн үг.

Дашрамд дурдахад, МОНТА буюу МОНЦАМЭ агентлаг нь Ази тивдээ анхдагч агентлагуудын нэг шүү дээ. 1920 онд Туркийн АНАДОЛУ, одоогийн Казахстан буюу тухайн үеийн Зөвлөлт Казахын КАЗИНФОРМ агентлагууд байгуулагдсан. Энэ хоёр агентлаг маань энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэлээ. Тэгээд 1921 онд Монголын МОНЦАМЭ байгуулагдсан байдаг юм.

-МОНТА маань хэдэн он хүртэл ингэж ажилласан юм бэ. Сүүлд МОНЦАМЭ-г дахин байгуулсан биз дээ?

-Тэгээд 1923 оны сүүлчээр тухайн үеийн нам, засгийн шийдвэрээр МОНТА-г “Уриа” сонинтой нийлүүлж нэгтгээд “Нийслэлийн шинэ сонин” болгосон. 1930-аад онд тухайн үеийн МАХН-ын Төв хорооны дэргэд, 1940-өөд оноос “Үнэн” сонины дэргэд орос сонин гаргах, ТАСС-ын мэдээг монгол руу орчуулах, Монголын тухай мэдээллийг Орос болон тухайн үеийн социалист системийн орнууд руу явуулах зэрэг үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Яг л анх байгуулагдаад хийж байсан гадаадад мэдээлэх, гадаадын үйл явдлын мэдээллийг дотоодын уншигчдад хүргэх үүргээ гүйцэтгэсээр ирсэн гэсэн үг. Нөгөө талаар МАХН-ын Төв хорооны дэргэд ажиллаж байхдаа нам, засгийн удирдлагуудад дэлхийн олон орны мэдээллийн эх сурвалжуудаас нууцын зэрэглэлтэй мэдээллүүдийг тусгайлан орчуулж хүргүүлдэг байсан түүх ч бий. Сүүлд МОНЦАМЭ-г шинэчлэн байгуулсны дараа ч 1990 оныг хүртэл ийм нууц мэдээг дарга нарт тусгайлан бэлтгэж хүргүүлдэг тогтолцоо ажиллаж байсан юм билээ.

Бидний нэг баярладаг юм тухайн үеийн төр засаг маань яаж МОНЦАМЭ-г устгачихалгүй авч үлдэв ээ гэдэг нь. 1920, 1930, 1940-өөд оны манай улсын нөхцөл байдал чинь өнөөдөртөө харьцуулахгүй их асуудалтай, төрийн чадамж, эдийн засгийн хувьд ч дорой буурай байсан шүү. 1930-аад оны ардын бослого тэмцэл, их хэлмэгдүүлэлт, Халх голын дайн, 1940-өөд оны эх орны дайн, чөлөөлөх дайн гээд…

“Үнэн” сонины дэргэд гарч байсан орос сонин чинь одоогийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргаж байгаа “Новости Монголии” шүү дээ. 1942 онд Дэлхийн II дайн ид болж байхад анхны дугаараа гаргасан. Ингээд 1950-иад оны дундуур МОНТА буюу МОНЦАМЭ-г дахин байгуулах асуудал төр засгийн түвшинд яригдаж, 1957 онд дэлхийн мэдээллийн агентлагийн жишгээр бие даалган шинэчлэн зохион байгуулсан.

Яг түүхийг нь харах юм бол эхлээд “Үнэн” сонины дэргэд байгуулсан юм билээ. Тэгснээ удалгүй 2-3 сарын дараа МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн шууд мэдэлд авсан. МОНЦАМЭ энэ үеэс эхлээд дотоод үйл явдлыг мэдээлдэг, гадаадад мэдээллээ цацдаг, гадаадын мэдээг дотоодын уншигчдад хүргэдэг гол суваг дахиад болсон. Монголын радио, “Үнэн” сонин гээд тухайн үеийн Монголд гарч байсан хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд МОНЦАМЭ агентлагийн мэдээг нийтэлдэг, дамжуулдаг байлаа шүү. Гадаадад мэдээлэхдээ ч ганц орос хэлээр биш англи, хятад, франц гэх зэрэг дэлхийн гол хэлүүдээр мэдээлж байсан. МОНЦАМЭ-г дахин байгуулаад харьяанд нь “Новости Монголии” сонин, “Mongolia to­day”, сэтгүүл, “Современная Монголия” буюу сүүлд “Монголия” нэртэй болсон сэтгүүл, 1929 оноос МҮЭ-ийн дэргэд гарч байсан хятад хэлээрх “Ажилчны зам” сонин, Улсын гэрэл зургийн газар зэргийг нэгтгэсэн.

Эхлээд Мэдээлэл, радиогийн улсын хороо гэж байгаад сүүлд телевиз байгуулагдсаны дараа Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо болсон том газрын чинь “Мэдээлэл” гэсэн нь МОНЦАМЭ-г хэлж байсан юм. Мэдээлэл нэгдүгээрт тавигдаж байсан байна шүү дээ. 1921 онд МОНЦАМЭ, 1935 онд Монголын радио, 1967 онд Монгол телевизийг байгуулсан. Тэгээд нэгтгээд нэг том хороо байдлаар ажиллуулж байж л дээ.

Үндсэндээ ийм байдалтай 1990 оныг хүргэсэн. Ингээд 1990 онд Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо маань задрахад МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын дэргэдэх мэдээллийн агентлагаар үлдсэн юм. Гадаад, дотоодод мэдээлэл цуглуулах, Засгийн газрын өмнөөс аливаа асуудлаар мэдэгдэл гаргах эрхтэй ийм байгууллага байв. Бүр МОНЦАМЭ агентлагийн дарга Засгийн газрын хуралдаанд байнга суудаг байж. 1996 он хүртэл ингэж явсан байдаг юм.

-Өнөөдөр МОНЦАМЭ маань ямар байдлаар ажиллаж байна вэ. 1921 оны МОНТА, 1957 оны МОНЦАМЭ агентлагийн хийж гүйцэтгэж байсан үүрэг одоо хэвээрээ байгаа юу?

-Өнөөдөр МОНЦАМЭ яг 99 жилийн өмнө байгуулагдсан зарчмаараа л ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоодын үйл явдлаа мэдээлэх, гадаад үйл явдлын мэдээг дотоод руу мэдээлэх, Монголын тухай мэдээ мэдээллийг дэлхийн түгээмэл хэлүүдээр гадаадад мэдээлэх гэсэн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Манайх Монголдоо анхдагч таван хэлээрх цахим хуудастай. Монгол, англи, орос, япон, хятад хэлээр өдөр тутмын мэдээг дотоод, гадаадад цацаж байна. Мөн үндэсний монгол бичиг болон англи, орос, хятад, япон хэлээр долоо хоног тутмын сонин, англи хэлээр улирал тутмын сэтгүүл эрхлэн гаргадаг. Нэмээд хэлэхэд манайх дэргэдээ гэрэл зургийн болон теле студи, хэвлэх үйлдвэртэй, 21 аймаг, хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын нийслэл Москва, Бээжинд албан ёсоор сурвалжлагч суулгадаг газар. Ялангуяа Монгол Улсыг гадаадад сурталчлах чиглэлээр хамгийн системтэйгээр ажиллаж ирсэн улалмжлалтай, өнөөдөр ч энэ уламжлалаа барьж буй байгууллага бол МОНЦАМЭ. Гадаадад ч МОНЦАМЭ-г Монголын албан ёсны агентлаг гэж хүлээн зөвшөөрдөг, манай цацсан мэдээллийг албан ёсны эх сурвалж гэж үздэг. Ази, Номхон далайн 44 улсын мэдээллийн агентлагийг нэгтгэсэн ОАНА буюу Ази, Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, дээрх 44 агентлагийн 20 гаруйтай нь албан ёсоор мэдээлэл, сэтгүүлч, инженер техникийн ажилтан солилцох гэрээ байгуулаад ажилладаг. Үүнд нь хоёр хөрш орон ОХУ, БНХАУ-ын ТАСС, РОССИЯСЕГОДНЯ, СИНЬХУА, Японы КИОДО, НИККЕЙ, БНСУ-ын ЁНАП, Туркийн АНАДОЛУ болон Болгар, Вьетнам, Казахстан, Азербайжан, БНАСАУ, Иран, Малайз, Тайланд, Энэтхэг, Австрали, Украин зэрэг олон орны агентлагууд багтдаг. Ройтерс, Америкийн дуу хоолой зэрэг барууны орнуудын агентлагуудтай ч олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Ер нь мэдээллийн агентлагийн гол онцлог чинь гадаад харилцаа шүү дээ. Энэ тал дээр манайх бэхжсэн, хамтын ажиллагааг байнга өргөжүүлж ирсэн, гадаадын мэдээллийн агентлагууддаа хүлээн зөвшөөрөгдсөн газар.

Нөгөө талаар сүүлийн жилүүдэд техник технологийн шинэчлэл тодорхой түвшинд хийлээ. Дотоод, гадаадад түгээж байгаа мэдээллээ яаж олон хүнд хүргэх вэ гэдэгт илүү анхаарч цахим хуудсаа шинэчлэх, сошиалд олон сувгаар оролцож идэвхтэй байх тал дээр анхаарч ажиллалаа. Хамгийн сүүлд олон хэлний мэдээлэл түгээх гар утасны апп ашиглалтад орууллаа. Теле студидээ тулгуурлаад монгол болон англи хэлээр нэвтрүүлэг бэлтгэх ажил руу энэ жилээс эрчимтэй орж байна. Үр дүнд нь цөөнгүй нэвтрүүлэг бэлтгэж, хамтын ажиллагаатай төвийн телевизүүдээр дотоод гадаадад цацлаа. Цаашид теле студиэ гадаад сурталчилгаанд тулгуурласан олон хэлээр мэдээ, нэвтрүүлэг цацдаг телевизийн суваг болгох төлөвлөгөө бидэнд байна. Олон улсын жишгээр бол мэдээллийн агентлаг нь телевизийн суваг, радио, сонин, сэтгүүл, өдөр тутмын мэдээлэл, тоймын товхимол, цахим хуудас, нийгмийн мэдээллийн бүх төрлийн сувагтай байдаг. МОНЦАМЭ агентлагт телевиз, радиогийн сувгаас бусад нь байна. Цаашид өөрийн үйл ажиллагааны чиглэлдээ тулгуурласан гадаад сурталчилгааны телевиз, радиогийн сувагтай болох зайлшгүй шаардлага бий болсон. Гэхдээ наана нь агентлагийнхаа албан ёсны статусыг тодорхой болгож хуульчлуулах том ажил байна аа.

-Нээрэн МОНЦАМЭ агентлагийн статусын асуудал гээд үе үе яригдаад байдаг санагдаж байна. Энэ чинь ямар учиртай юм бэ?

-Энэ талаар ярих юм бол урт түүх болно оо. Дээр хэлсэнчлэн МОНЦАМЭ Засгийн газрын дэргэдэх мэдээллийн агентлаг гэдэг статустайгаар 1957-2005 он хүртэл явж ирсэн. Гэхдээ дунд нь буюу 1998 онд Монголд анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэж батлагдсан. Энэ хуулиар төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй, байгаа газруудаа заримыг нь хувьчилж, Монголын радио, телевиз, МОНЦАМЭ-г хууль гаргах замаар өөрчлөн зохион байгуул гээд заачихсан. Энэ дагуу бидний мэдэх “Ардын эрх”, “Засгийн газрын мэдээ” сонинууд хувьчлагдаад өнөөдрийн “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонинууд болсон шүү дээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль гараад МҮОНРТ гэж өөрчлөгдсөн. Харин МОНЦАМЭ агентлагийн хууль эрх зүйн орчныг өнөөдрийг хүртэл тодорхой болгож өгөөгүй байна, манай төр засаг. 1998 оноос хойш гэхээр бүтэн 22 жил болж шүү. 2005 онд тухайн үеийн Засгийн газар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг хэрэгжүүлнэ гээд манайхыг гадаад сурталчилгааны үүрэг дээрээ тулгуурлаад ГХЯ-ны харьяанд ор гэсэн, манайхан үүнийг эсэргүүцээд тэгсгээд больсон юм билээ. 2005 оноос хойш Ерөнхий сайдын харьяанд, гэхдээ албан ёсны тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудын тоонд оролгүй, төсвөө тэндээс аваад явж ирсэн. Сая сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газар манайхыг ЗГХЭГ-ын харьяанд болгож шилжүүлсэн байна.

Нэгэнт Хэвлэлийн эрх чөлөөний хуульд заагаад өгчихсөн учраас МОНЦАМЭ хуультай болох гэж сүүлийн 20 жил хөөцөлдөж байгаа юм. УИХ, Засгийн газартай хамтраад олон ч хуулийн төсөл боловсрууллаа. Харамсалтай нь Засгийн газар дээр хэлэлцэгдээд цааш УИХ руу орж байгаагүй. Засгийн газар дээр яг сайхан асуудал яригдаад явж байтал сонгууль болоод Засгийн газар солигдоод, төр засаг үймээд бүхнийг эхнээс нь эхэлдэг дээ. Яг л нөгөө Францын алдарт зохиолч, философич А.Камюгийн “Сизифийн домог” шиг юм болно. Ямар сайндаа манай Т.Баасансүрэн гуай “Манай төрийн томчууд телевизээр ярих дуртай болохоор радио, телеизийн хуулиа гаргачихаад МОНЦАМЭ-г хаячихлаа” гэхэв дээ. Аргаа барж байгаа л хэрэг.

Уг нь бол, шулуухан хэлэхэд аливаа мэдээллийн агентлаг гэдэг нь тухайн улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байдаг юм шүү дээ. 1921 онд Ардын хувьсгал ялж, Монголын тусгаар тогтнолыг зарлахтай зэрэгцээд МОНТА буюу МОНЦАМЭ-г байгуулсан нь ч ийм л учиртай. Тухайн үеийн манай өвөг дээдэс маш ухаалаг байсан байгаа биз. Одоо ч гадны орнуудад дайн байлдаан болж, төрийн эргэлт энэ тэр хийлээ гэхэд хамгийн түрүүнд мэдээллийн агентлаг, радио, телевизийг нь эзэлж авч өөрсдийнхөө тухай мэдээллийг дотоод гадаадад цацдаг, ухуулга сурталчилгаагаа хийдэг. Мэдээллийн агентлаг гэдэг чинь ингэж тухайн улсын тусгаар тогтнолтой холбогддог, тусгаар улс шүү гэдгийнх нь баталгаа болдог. Харамсалтай нь тусгаар тогтнолынхоо бэлгэ тэмдэгт

Манай шинэ үеийн төр засаг үргэлж дагавар, шоовдорлогдсон хүүхэд шигээ хандаж ирлээ. Гэхдээ энэ байдал удахгүй ном журмынхаа дагуу шийдэгдэх байх гэж найдаж байна. Манай хамт олон итгэж хүлээсээр л байгаа даа.

-Сүүлийн үед статусаа тодорхой болгох талаар Та бүхний хийж байгаа ажлууд юу байна. Энд ахиц дэвшил гарч байна уу?

-МОНЦАМЭ агентлагийн үе үеийн дарга, удирдлагууд энэ талаар ажиллаж, хууль санаачилж, УИХ, Засгийн газарт ойлгуулах гэж эрмэлзэж ирсэн. 2000-2012 оны хооронд хоёр ч хуулийн төсөл санаачилсан байдаг юм. Сүүлдээ аргаа бараад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нөгөө төр засаг дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэдгийн араас “Энэ нь Монгол Улсыг гадаадад сурталчилдаг байгууллагад хамаарахгүй” гэсэн ганц заалт оруулах гэж ч үзсэн. 2013 оны үед хийгдэж байсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ийм заалт оруулчихаад байж байтал төсөл санаачилсан хүмүүс нь төслөө татаж аваад эргэж өргөн барилгүй 2016 оны УИХ сонгууль хүргэчихсэн. 2016 оны сонгуулийн дараа Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хийхэд нь манайхан бас ажлын хэсэгт нь ороод “Засгийн газар нь Монгол Улсын тухай мэдээллийг олон улсад түгээх, сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болно. Энэ хэсэгт заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь арилжааны үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд нэгээс илүүгүй байна” гэсэн заалтыг оруулсан. Бас л УИХ-д өргөн барьж амжсангүй 2020 оны УИХ-ын сонгуультай золгочихсон. Сая шинээр байгуулагдсан Засгийн газар ажлын хэсгийн гишүүдийг шинэчилж байна гэхээр нь ажлын хэсэгт орох хүсэлтээ өгсөн. Дээрх заалтаа хэвээр хадгалахын төлөө л зүтгэнэ дээ. Засгийн газраас бидэнд өгч байгаа мэдээллээр бол хуулийн төсөл удахгүй өргөн баригдана л гээд байгаа. Тэгж байтал Ерөнхийлөгчийн сонгууль тулаад, сонгуулийн дараа дахиад засаг төр нь солигдоод асуудал өмнөх шигээ эхнээсээ эхлэх болчих вий гэж л айж байна шүү.

Уг нь энэ хууль батлагдчихвал МОНЦАМЭ агентлаг Засгийн газрын дэргэдэх гадаад сурталчилгаа эрхэлсэн бие даасан байгууллага болж цаашид хууль, эрх зүйн ямар нэгэн асуудалгүй, хэзээ биднийг татан буулгачих бол, эсвэл хэзээ Гадаад яам руу өгчих бол гэсэн айдасгүй үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болох. Дахиад хэлэхэд итгэж, найдаж л байна даа.

-Эндээс цаашид МОНЦАМЭ гадаадад мэдээлэх үүрэгтээ тулгуурлаж л гол ажлаа явуулах юм байна гэж ойлголоо. Дотоодод мэдээлэх тал дээр ач холбогдол өгөхгүй гэсэн үг үү?

-Ер нь МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн гол чиглэл нь гадаадад мэдээлэх юм. Статус маань үүнд тулгуурлаж гарна гэж ойлгож байгаа. Гэхдээ дотооддоо мэдээлж л таарна. Болж байгаа үйл явдлыг дотооддоо мэдээлэхгүй байна гэж байхгүй. Дэлхийн мэдээллийн агентлагуудын жишиг ч ийм. Ялангуяа манай гол чиглэлийн нэг болох гадаадад болж буй үйл явдлыг дотооддоо мэдээлдэг ажил бол албан ёсны эрхтэй, цаашид улам бүр үнэ цэнэтэй болох ийм салбар. Үүнийгээ больчихож болохгүй, статусын асуудал ярихдаа ч үүнийгээ давхар ярьж ойлголцож байгаа.

Бодит байдал дээр өнөөдрийн манай сонин, сайтууд гадаад мэдээ хийдэг ганц ганц хүнтэй, гадны ямар ч хамаагүй мэдээллийн хэрэгслээс албан бусаар мэдээ орчуулдаг л болж хувирсан шүү дээ. Тэр нь баталгаатай эх сурвалж болж чадаж байна уу, дээр нь нөгөө дэлхий нийтээрээ яригдаад байгаа оюуны өмч, зохиогчийн эрхийн шаардлагыг хангах уу гээд үзвэл асуудалтай. Хүссэн, хүсээгүй цаашид оюуны өмчийг хамгаалсан, сошиал хэрэглээг дагасан хуурамч мэдээллээс зайлсхийж ялгарсан, албан ёсны агентлагуудын мэдээлэлд тулгуурласан мэдээллийн урсгалд дэлхий нийтээр орно. Үүнд манай агентлагийн үүрэг оролцоо чухал байна гэж харж байгаа.

Гэхдээ бид дотоодын мэдээллийн зах зээлд өрсөлдөгч болохгүй. Ийм шаардлага ч байхгүй. Гадаад сурталчилгаанд зориулсан цэгцтэй, зорилтот мэдээлэл бэлтгэх тал дээр гол үйл ажиллагаагаа төвлөрүүлнэ. Ингэж ч ирсэн. МОНЦАМЭ гадаадад мэдээлэх чиглэлээр олон жил ажилласан уламжлалтай тул орчуулагчид нь мэргэжлийн ур чадвар сайтай, Монгол Улсыг гадаадад эерэг талаас нь сурталчлах туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчинтэй газар. Бас Монгол Улсын тухай мэдээллийг албан ёсны түвшинд гадаад орнуудад өдөр тутам түгээж буй ганц суваг. Энэ тал дээрээ илүү төвлөрч ажиллана даа.

Манай ажилчдын чинь тал нь орчуулагчид шүү дээ. Англи, орос, хятад, япон, франц, герман гээд олон хэлтэй хүмүүс ажиллаж байна. Хуучин цагт бол МОНЦАМЭ агентлагийн энэ орчуулагчдыг чинь тусгай томилолтоор Москвад ажиллуулж “Октябрийн туяа” сэтгүүлийн орчуулга болон Москвагийн радиод мэргэжлээр нь ажиллуулдаг байлаа. Бүр Орос, Хятадад суух МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч нь тус улсад суугаа Монголын ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн даргын статус дээр албан ёсоор давхар ажилладаг байсан байгаа юм. Одоо ч бидэнд ийм нөөц бололцоо байгаа.

-Гадаадад мэдээлэх асуудлыг манайхан сайн ойлгодоггүй байх аа даа. Ялангуяа дэлхий нийтээрээ нээлттэй болсон энэ үед хэн хаанаас ч хүссэн мэдээллээ олоод авчихна гэх хүн захаас аваад л тааралддаг…

-Манай зорилго бол улс орныхоо тухай эерэг, албан ёсны, цэгцтэй, зорилтот, нэг сувгийн мэдээллийг тасралтгүй түгээх юм. Үүнийг төр засаг бодлогоо гаргаж, түүнийх нь дагуу хийдэг. Сүүлийн үед дэлхий нийтээрээ л “зөөлөн хүч” гэж яриад байгаа даа. Энэ зөөлөн хүчний чинь нэг эд эс нь албан ёсны мэдээллийн агентлаг шүү дээ. Энэ байр сууриа л олох тухай бид яриад байгаа юм. Түүнээс биш хаа хамаагүй байгаа мэдээг хүссэн хүн авч болно. Тэр дотор үнэн ч юм бий, худлаа ч юм бий. Төр засаг түүнд найдаад, түүгээр гадаад сурталчилгаа маань болчихно гэж байгаа бол эмгэнэл. Эсвэл Холливудтай хамтраад ганц кино хийчихвэл, энд тэнд урлагийн тоглолт зохиогоод уртын дуугаа сонсгоод бүх хүн Монголыг мэддэг болчихно гэвэл бас л эндүүрэл. Мэдээж дээрх бүхэн гадаад сурталчилгаанд нэмэртэй. Гэхдээ мэдээллээр дамжуулж улс орноо сурталчлах асуудал Америкт ч, Их Британид ч, Япон, Солонгост төр засгийн оролцоотой хийгддэг, онцгой ач холбогдол өгдөг салбар нь юм. За, мэдээж манай хойд, өмнөд хөршийг бол бүр ярилтгүй. Хятадад СИНЬХУА гээд мэдээллийн иж бүрэн цогцолбор байна. Телевиз, радио, сонин, сэтгүүл, сайт гээд… Цаана нь CCTV хичнээн хэлээр дэлхий даяар мэдээлэл цацаж байна? Орост 1990-ээд оны эхээр ТАСС-аа хувьчилчихаад болохоо болингуут эргээд хяналтын багцаа төр засаг нь авсан байх жишээтэй. Хуучин салангад байсан олон мэдээллийн хэрэгслүүдээ нэгтгээд “Россия сегодня” гэсэн гадаад сурталчилгаа дагнасан агентлаг байгуулчихлаа.

Бидний үлгэр жишээ болгодог Америкт Төрийн департаментынхаа дэргэд BBG гээд гадаад сурталчилгааны агентлагтай. Үүнд нь Америкийн дуу хоолой, Чөлөөт Ази, Европ, Африк гэх мэт сувгууд нь багтдаг. ВВС хэдийгээр хувь нийлүүлсэн нийгэмлэг ч Английн хатан хааны баталгаажуулалттай, гадаад сурталчилгааны төсөв Засгийн газраасаа авдаг байх жишээтэй. Японы КИОДО, Өмнөд Солонгосын ЁНАП агентлаг яг адилхан. Ингээд жишээ татаад байвал том, жижиг гэхгүй бүх улс орон гадаад сурталчилгаандаа ач холбогдол өгч, мэдээллийн агентлагтаа тулгуурлан ажилладаг нь харагддаг юм.

Манай улсын гадаад сурталчилгааны байгаа байдал өнөөдөр ямар байгаа юм бэ. Та энэ тал дээр ажилладаг байгууллага удирддаг хүний хувьд тодорхой санаа оноотой явдаг байх…

-1990 оноос өмнө бол үнэхээр бодлоготой, ач холбогдол өгдөг байсан юм билээ.Түүнээс хойш Монгол Улсын гадаад сурталчилгаа үндсэндээ “Мөнгөө төлөөд танилц” гэсэн зарчмаар явж ирсэн. Тухайлбал, манай МОНЦАМЭ агентлагийн гадаад сурталчилгааны хэвлэлүүд захиалгын системтэй өнөөдрийг хүрлээ. Тухайн хэвлэлийг мөнгөө төлж захиалсан хүн л үзэх боломжтой. Гэтэл ийм систем АНУ зэрэг өндөр хөгжилтэй цөөн оронд хэрэгждэг. Учир нь тэд том, хүн болгон очиж үзэхийг хүсдэг учраас мөнгөө төлөөд ч хамаагүй мэдээлэл авдаг. Манай мэтийн хөгжингүй орнууд бол төсвөөсөө мөнгө гаргаж, түүгээрээ гадаад сурталчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэн боломжит бүх сувгийг ашиглаж үнэгүй түгээх замаар улс орноо сурталчилдаг. Ойрхны жишээ бол Сингапур, Энэтхэг, БНСУ гэх мэт. Хятад, Орос ч ялгаагүй, Онгоцонд суухад л дэлхийн түгээмэл хэлээр хэвлэгдсэн тухайн орны сонин, сэтгүүл, аялал жуулчлалд зориулсан танилцуулах материал үнэгүй байдаг. Цаашлаад онгоцны буудал, галт тэрэгний буудал, зочид буудал, амралт зугаалгын газар үнэгүй тавьчихдаг. Тухайн оронд очсон хүн үнэгүй энэ мэт материалаас мэдээлэл авч болохоос гадна хажуугаар нь үнэтэй зарагддаг нэмэлт материалуудаас ч авах нь нээлттэй. Олон улсын гадаад сурталчилгааны жишиг ийм болсон.

Цаашид манай улс энэ чиглэлгүй явахгүй бол хэвлэл захиалгын систем өөрөө үр ашиггүй болж, хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээл жилээс жилд хумигдаж байна. Хэвлэл захиалан уншдаг уншигчдын тоо жилээс жилд буурч байна. Үүний нөгөө талд нь үнэгүй мэдээлэл үзэж болдог цахим хуудас, нийгмийн мэдээллийн хэрэгслүүдийн тоо өдөр өдрөөр өсөж байна. Ийм нөхцөлд бид олон жилийн турш хэрэглэж ирсэн “Мөнгөө төлөөд манай орны тухай мэдээлэлтэй танилц” гэдэг арга барилаараа цаашид ажиллах аргагүй болж байгаа юм.

-Улсаас гадаад сурталчилгаанд зориулж тодорхой мөнгө гаргах ёстой гээд байна аа даа…

-Тийм, өөр арга байхгүй. Гадаад сурталчилгааны бодлоготой байхаас гадна маш их биш юм аа гэхэд тодорхой хэмжээний мөнгө гаргаж байж улс орноо үр дүнтэй сурталчилна. Түүнийгээ дагаад олон улсад эерэг имижтэй болно, аялал жуулчлал нь хөгжинө, хөрөнгө оруулалт орж ирнэ. Бодлогогүй, мөнгөгүйгээр гадаад сурталчилгаа хийнэ гэдэг бол ёстой “Уучлаарай” болсон шүү дээ.

-Үргэлж редакцид асан дүрэлзэж, тасралтгүй бичиж явсан Ганаа эгчийгээ ийм ажил яриад сууж байхыг харах нэг л сонин юм. Та наанаа юу хийгээд байгаа юм бэ?

-Би хэтэрхий олон жил идэвхтэй ажилласан. Өөрийн цаг үедээ хийдгээ хийсэн. Миний үзэг надаас хаачих ч үгүй. Харин эдний эрх мэдэл түр шүү дээ. Дөнгөж 50 нас руу өнгөлзөөд зогсож байна. Нас залуу байна. Бичнэ, би түр л салбартаа бас арай өөр газар нь ажиллаж байна. Мэдээж хагас цэргийн зохион байгуулалттай шахам өдөр тутмын сонины гал тогоонд олон жил чанагдсан болохоор тэр орчноо их санана. “Илжиг модон хударгандаа хайртай” эргээд очно. Манай Монцамэгийн хамт олон бол маш хүчирхэг хамт олон. Би тэдэндээ хайртай. Тэдэн шиг эгэл даруу, соёлтой хамт олны төлөө жаахан ч гэсэн юм хийх ёстой. Энд намайг анх томилохдоо юм хийгээрэй, Монцамэ-д хийж чадахаас чадахгүйгээ хүртэл зүтгээрэй л гэсэн. Би сарвайтлаа гүйж байгаа. Даанч Засгийн газар нь ойлгохгүй юм. Тэнд ажил хэргийн хэвийн соёл байхгүй. Цаг товлоно, байхгүй. Үүдэндээ суулгах гэнэ. (инээв) Гуйлгах гэнэ, гүйлгэх гэнэ. Худлаа аргацаах гэнэ. Ерөөсөө энэ улс орон хулхины орон болчихлоо. Хүний ёс жудаг, харилцааны этик, нөхөрлөлийн түүх бүх юм нэг л сонин хулхи тийшээ эргэчихсэн санагддаг. Бүх юм худлаа санагддаг болсон. Өнөөдрийн энэ эрх мэдлийн тайзан дээрээ байгаа улсуудыг хараад надад нэг үг санаанд ордог. “Цагаа олохгүй нисч байж, цэгээ олохгүй унаж үхэв дээ” гэдэг үг. Ямар ч их шуналтай юм. Яасан ч ичгүүргүй юм. Хэвийн ажил хэргийн түүхтэй, аажим өгссөн, төрийн алба хаагчийн ёс зүйн хана хэрмийг хэзээ ч давж байгаагүй зөв хүмүүс бол зүгээр л гишгүүлж байна. “Хэнтийд хонин гүрвэл болж төрөх минь яав даа” гэдэг үг би гаргаж байна. Би ер нь олон нэр хоч, хэлц үгнүүд гаргаж шидэж явсан хүн. Энэ үгийг та нар сайхан аваад яваарай. Та нар төсвийн хуваарилалтыг л өнгөцхөн хар л даа.

-Та нээрээ хөгжилтэй хүн шүү. Битгий инээд хүргээд бай л даа. Сүүлийн үед таны ярилцлагууд гарч ирэх боллоо. Одоо ямар гоё гое ярилцлагууд дээр ажиллаж байна. Саяхан хийсэн найруулагч Н.Наранбаатарын ярилцлага тань нэлээд уншигдах шиг болсон.

-Хийж байгаа. Гоё хөрөгнүүд хийх гээд судалгаан дээр ажиллаж байна. Номуудаа гаргах гээд бас шаргуухан сууж байна. Хийнэ ээ, хийнэ. Одоо залхуурахгүй. Надад нэг тийм орчин үгүйлэгддэг юм. Асааж өгдөг орчин. Эрхлэгч нараа, шатааж өгдөг гоё редакторуудаа их үгүйлэх юм. Манай “Өдрийн сонин”-ы хэдэн ах нар ямар гоё хүмүүс байж вэ. За, миний дугаар тэд дэх өдөр шүү. Чи тийм хадаас хийнэ ээ гээд л шахна. Гоё юм хийвэл шөнө редөкцидаа бууз авчирч өгөөд л…Тааруухан хандчихвал шуурхай дээр хядуулаад л… Нэг л мэдэхэд би Ардын эрхийн шар байшиндаа 20 жил болчихсон байсан. Тэгээд л хөдөлсөн дөө.

-Гэнэт л яваад өгсөн. Нээрээ яасан бэ?

-Өөрөө сонин хийж үзмээр санагдаад л явсан. Тэр төсөл маань амжилттай явж байсан ч эцсийг нь хүртэл явж чадсангүй дээ. Нэг найзтайгаа хамтарсан. Ахмад хоёр гурван кадруудтайгаа ажилласан. Хөрөнгө оруулагч олдохгүй юм билээ. Ингэж хэлэхээр “За, худлаа яриад бай. Чамд олдохгүй байхдаа яадаг юм” гэж хүмүүс хэлдэг. Би өдөр тутмын сонинд ид бичиж шуугиулж явсан он жилүүддээ маш олон найзууд хураагаагүй юм болов уу. Надад тусламжийн гар сунгах хүн ховор таарсан. Хэзээ ч бид ашигтай ажиллаж чадаагүй. Үхтлээ гүйгээд би сүүлдээ унасан. Гүрийгээд цааш нь явуулах гэхээр л сэтгэлийн хүч тамирдаад байсан. Ямар ч гал цог байхгүй болж, урам хугарсан. Хамтрагчийн тухайд бид эсвэл найзууд биш байсан уу, эсвэл би найзын хил хязгаарыг давах гэж яваад сөхөрсөн үү. Бүү мэд. Сэтгэлийн шарх, зовлонтой тэнэг дурсамжаас өөр юу ч үлдээгүй.

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэбулган: Энэ жаран жил миний амьдралын ялалтын эхлэл бас төгсгөл

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Таны амьдрал, таны түүх, туулсан замналд сонгодог урлаг тэр чигээрээ нэвчин шингэсэн мэт цаг хугацаа өнгөрчээ…

-Би Улсын дуур, бүжгийн эрдмийн театрт бүхэл бүтэн нэг жарныг өнгөрөөчихжээ. 1960 оны гурван сарын 15-нд энэ театрт би анх орсон юм. Тэгээд өнөөдөр эргээд харсан чинь жаран жил өнгөрчээ. Жаран гэдэг их сонин юм. Нэг хүн нэг газар бүтэн жарны амьдралаа өнгөрөөнө гэдэг нэг тийм эргэлзээтэй ч юм шиг. Нэгэн бодлын энд тэсэх тийм увдис надад заяасан юм болов уу гэж боддог. Яагаад гэхлээр ерөөсөө миний амьдралын бүх зорилго бол Монголд сонгодог урлагийг хөгжүүлэхэд өөрийнхөө чадах чинээгээр зүтгэе, хичээе гэж бодсон юм. 1959 онд болсон Монголын залуучууд, оюутны анхдугаар наадам миний амьдралд бүхэл бүтэн эргэлт авчирсан юм. Тэр олдсон завшаанаас сэжүүрээс нь зуурч аваад тэрийгээ тавихгүй зууралдсаар байтал өнөөдрийг хүрчээ.

-Тэр жаран жилийн эхлэлийг та одоо төсөөлж байна уу?

-Энэ театр их буянтай театр гэж би боддог юм. Яагаад гэхээр би ихэнх залуу насаа мал дээр өнгөрөөсөн хүн л дээ. Мал нүдлэхдээ их сайн хүүхэд байсан. Тийм учраас манай өвөө намайг мундаг сайн малчин болно гэдэг байсан. Би чинь есөн настайгаасаа эхлээд адуу манасан. Тэгсэн нэг мэдсэн чинь сонгодог урлаг, тэр дундаа Монголын түүхэнд байгаагүй энэ салбарт оюун ухаанаа сорих болсондоо сэтгэл хангалуун байдаг юм.

1960 оноос хойш хоёр жил дуурийн театрт найрал дууны ангид ажиллаж байв. Хажуугаар нь элдэв ажилд зарагдана. Тэглээ гээд муудаагүй. Энэ амьдралд хөлөө тавихад элдэв юмыг үзэж, таньж сонирхож авах тийм боломжийг л нээж байсан. Намайг анх Дуурийн театрт алдарт Д.Лувсаншарав гэдэг хүн шалгаж авсан түүхтэй.

-Их азтай тохиолдлоор гадагшаа явсан гэдэг билүү…

– Би хүүхэд ахуйгаасаа эхлээд жаахан зүггүй талын хүн байсан юм. Нэг удаа кино зураг авахуулж байгаад найруулагчдаа гар хүрсэн хэрэгт орлоо. Бүх юм доошоо явах замд орчихсон хэцүүхэн үе буюу 1962 онд би Дэлхийн залуучууд, оюутны наймдугаар наадамд оролцох хувь заяа тохиосон юм. Тэр багийг Соёлын яамны орлогч сайд Ч.Лодойдамба болон Д.Лувсаншарав, Сэвжид гээд алдартнууд, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны орлогч дарга Пүрэвжав нар зохион байгуулж авч явж байсан. Аз таарахад Ч.Лодойдамба гэж их сайхан энэрэнгүй сэтгэлтэй, залуучуудын төлөө өөрийнхөө оюун ухааныг зориулсан тийм сайдтай таарсан.

-Мэдээж, Орос руу явсан уу?

-Тэр үеийн монголчууд бүгд Алтан Москва л гэж ярьдаг байсан. Би ч гэсэн Алтан Москвад очих хувь заяа төрсөндөө бас их баярладаг байсан юм. Москвад очоод үнэхээр үзээгүй юм аа үзэж, хараагүйгээ харж баярлаж явсан. Тэр үедээ Финландын нийслэл Хельсинкид очсон юм. Би Лодойдамба гуайг дурсахгүй байж болохгүй. Нэг өдөр Лодойдамба гуай намайг нэг хуралд аваад явсан. Нэг их том зааланд сүртэй хурал боллоо. Ч.Лодойдамба гуай надаас “Чи мэдээжийн хэрэг гадна дотны хэл мэдэхгүй биз. Чи энд сууж байхдаа гэртээ нэг захиа бич ээ. Урд чинь уутанд цаас байна” гэсэн. Би тэрийг аваад захиа бичээд хүн харахад нэг их идэвхтэй суусан байна л даа. Ч.Лодойдамба гуай тэр хуралд үг хэлсэн. Одоо бодоход ухаантай хүний хажууд явна гэдэг их сайхан байдаг юм байна. Тэр дэлхийн олон хүмүүсийн дунд зүгээр ангайгаад, суулгүй юм тэмдэглэж байгаа хүн шиг харагдуулахаар сайд боджээ гэж өнөөдөр би эргэцүүлж сууна. Ингэж л хүнийг хүмүүжүүлж байж. Дараа нь “чи гайгүй шиг юм сурвал сайхан сайхан юманд их оролцоно шүү” гэж захиж байсан. Наадам дуусч бид Москвад ирлээ. Тэндээс Монголын группийн нэг хэсэг нь эх орондоо очих, нөгөө хэсэг нь цаашаа Баруун Европын ардчилсан орнуудаар айлчлан тоглолт хийх байсан юм. Лодойдамба гуай намайг цаашаа явах багт хуваарилж, баруун Европын ардчилсан Чехсловак, Румын, Польш, Герман, Югослав зэрэг зургаа долоон орноор явсан юм аа.

-Гэнэт л олон орноор аялан явжээ…

-Тэгсэн. Хөдөөний хүүхэд миний хувьд үзээгүй юмаа үзсэн. Хамгийн сүүлд Болгарт ирсэн. Тэгсэн чинь Болгарын Элчин сайдын яаман дээр ир гээд дуудаж байна. Хамт яваа хүмүүс маань намайг аваад очлоо. “Би ч дотроо замдаа ямар хэрэг хийсэн билээ. Нэг л болохгүй л юм хийчихиж дээ л гэж бодоод явлаа. Тэгсэн чинь Элчин сайд “Лодойдамба сайдаас цахилгаан ирсэн. Гурван хүнийг хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн байна. Тэнцвэл сур, тэнцэхгүй бол харина биз” гэж байна. Би чинь бөөн баяр, үзээгүй юмаа үзлээ. Гоцлол дуучин Банзаржав гэж эмэгтэй, найрал дууны Очир бид гурвыг шалгууллаа. Гурвуулаа тэнцсэн юм. Тэгсэн Очир ах “би гадаадад сурахгүй, харилаа” гэсэн. Банзаржав “харьчихаад ирье” гэж байна. Би болохоор “харихгүй ээ, шууд үлдэнэ” гэсэнд хүмүүс гайхаж байсан. Тухайн үед “хэн дээрээ ч очих вэ” гэж бодсон. Өнчин хүний бодол, уйтай агшин юм даа. Түүнээс хойш таван жил би гэртээ ирээгүй.

-Сургуулиа төгстөлөө Болгарт байсан юм уу?

-Тэгсэн. Намайг өчнөөн олон жил гэр орондоо харихгүй ямар учиртай юм гэж гайхах хүн байсан. Тэгэхдээ монгол хүн адилхан байх аа. Цээжин дотроо эх нутгаа санадаг. Улсын баяр наадмаар Монголын тухай нэг, хоёр цагийн нэвтрүүлэг явдаг. Тэр үед Софигийн радиогоор нөгөө нэвтрүүлэг явлаа. Би хүлээн авагчаар сонсож хэвтэж байгаад нам унтчихаж. Нэг мэдсэн чинь би уйлаад байх шиг санагдаад байх юм. Гайхаад сэрсэн чинь нээрэн би уйлаад байна. Яасан гэхлээр Ж.Чулуун багш ардын хоёр дууны найруулгыг хийл хөгжмөөр тоглож байсан юм. Тэр эгшиг, аялгуу миний дотор, нойрон дунд орж, гэр орон, газар нутгаа санаж байсан сэтгэлийг маань ил гаргаад ирж. Сэрээд орон дээрээ завилж сууж байгаад бүр хингэнэтэл уйлж, нэг санаа амарч, сэтгэл онгойж сайхан болж байсан. Би одоо боддог юм, улсууд гадагшаа яваад алга болоод байх юм гэдэг. Тэд алга болохгүй байх аа. Тэр хүний хувь заяа, ахуй амьдрал, оюун санаа нь бүгд л энэ өссөн төрсөн газартайгаа холбоотой байдаг байх. Тэгээд аяндаа буцаад ирэх байх гэж би дотроо боддог юм. Хүн их сонин байдаг юм байна лээ. Таван жилийн дараа Монголын хилээр шөнө орж ирсэн юм. Сартай шөнө вагоноор Сэлэнгэ мөрөн дээгүүр гарсан, үнэхээр мартахын аргагүй гоё мэдрэмж тэр байсан. Цонхон дээр зогсоод нэг их уйлж билээ. Тэгж л Монголдоо ирсэн. Вокзал дээр буухад аав минь намайг таньдаггүй ээ. Болгарын Эрдэнэбулган гэж хүүхэд байна уу гээд л хажуугаар яваад байх юм. Тэгж тэгж нэг юм уулзлаа. Гэртээ ирж хоол цай болж сайхан л байлаа. Ээж минь намайг хараад л суугаад байх юм. Миний төрсөн ээж, аав хоёр л доо. Гэнэтхэн ээж маань “Ишш, миний хүүгийн царай яг байцаа шиг өнгөтэй болчихож” гэж билээ. Би багадаа өргүүлсэн, төрсөн аав, ээжээсээ хөндий өссөн хүн л дээ.


-Эндээс л Дуурийн театрын гоцлол дуучин Л.Эрдэнэбулган гэж дуудуулж эхэлж дээ…

-Тэгэлгүй яахав. Ингэж л Эрдэнэбулган Дуурийн театрын гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн түүхтэй. Би ер нь маш их аз хийморьтой хүн байгаа юм. Яагаад гэхээр би сургуульд явахын өмнө хоёр дуу дуулсан юм. Тэр хоёр дуу Монголд намайг нэлээн нэрд гаргасан даа. Нэг нь Ц.Намсрайжав гуайн хөгжим, Ж.Бадраа гуайн хөгжим “Халуун элгэн нутаг” дууг анх кинонд нь дуулсан юм. Нөгөө нь Чимэддорж гуайн хөгжим, Б.Дэндэвийн шүлэг “Ургацын далай”. Энэ хоёр дууг дуулснаас хойш өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн дуулсаар байна. Хөдөөний нэг хүү тийм хүмүүстэй уулзаж, ийм дууг дуулна гэдэг хэн хүн тохиодог аз биш юм гэж би боддог. Радиогийн алтан фондод байдаг 20-иод дуутай хүн л дээ.

Болгарын хөгжмийн дээд сургуулиа төгсөж ирээд арван жил театртаа гоцлооч гэдэг хүндтэй эрхэм ажлыг хийлээ. Олон дуурийн гол дүрд нь тоглолоо. Миний хамгийн анх тоглосон дуурь бол Д.Лувсаншаравын хөгжим, Ж.Пүрэвийн цомнол “Хан бүргэд”. Дэмчигбал гэж эсрэг дүрд тоглож, аав ээж, ах дүү төрөл саднаа бүгдийг нь урилаа. Том дуучин болсноо л үзүүлэх санаатай байсан байлгүй. Тоглолт дуусаад гэртээ харьсан чинь нэг их хөөрөөд байгаа хүн манай гэрийнхэн дунд алга. Тэгсэн ээж маань “Иш чааваас миний хүү хүн амьтны мууг үзээд явах юм. Тэгж тэгж байснаа буудуулаад л гэдрэгээ хараад хэвтчих юм. Өөр олигтой аятайхан юм олддоггүй юм уу” гэж билээ. Тэгээд дараа нь Юндэнд тоглолоо. Дахиад л гэрийнхнээ урилаа даа. Тэрний дараа манайхан бүгдээрээ хөл газар хүрэхгүй жигтэйхэн баяртай байсан. Тэрнээс хойш манай гэрийнхэн, ах дүү нар намайг “Аа, мундаг дуучин” гэж дүгнэх болсон гэдэг юм.

-Гэтэл “Ханбүргэд”-д тоглож байхдаа л Та өөрийгөө дархалчихсан, тэргүүн эгнээнд бичигддэг болчихсон байсан биз…

-Яахав ээ, би мундагийн мундаг дуучин байгаагүй. Ажил үүргээ өв тэгш гүйцэтгэж байдаг тийм л уран бүтээлч байсан. Харин тун идэвхтэй жаахан хөдөлмөрч маягийн тийм л хүн байсан. Элдэв юманд саваагүйтэж явдаг зан маань зүгширчихсэн байсан. Сайн хүмүүсийн гараар орж, нөлөөнд нь явахаар хүн өөрийнхөө төрх намбыг олж, муугаа гээж, сайнаа тогтоохыг эрмэлздэг шиг байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ дуурийн театр намайг тэгж хүн төрхтэй болгосон. Энэ театрт олон гайхалтай хүмүүс байсан. Хөгжим ангийг толгойлж байсан хүн нь нөгөө домог болсон Ж.Чулуун. Ч.Жамсранжав, Санжмятав нар. Найрал дууны ангийг алдарт Д.Лувсаншарав багш толгойлж, уран сайхны удирдагч хийж байсан. Зураач нь Л.Гаваа, театрын дарга Л.Намхайцэрэн гээд домог болсон сайхан улсууд театрт ажиллаж амьдарч байсан учраас хүнд зайлшгүй нөлөөлдөг.

-Найруулагч болох үе хэдийд вэ?

-Би арван жил дуурийн театрт гоцлол дуучнаар ажилласан. Тэгээд Монголын балетын анхны балетмайстер, дуурийн анхны найруулагч Д.Лхасүрэн багшдаа өөрийнхөө мөрөөдлийг хэлсэн. “Багш аа, би хөгжмийн театрын найруулагч болмоор байна” гэхэд маш талархаж хүлээж авсан. “Тэгэх ёстой. Тэгэх цаг нь болсон. Чи чадна” гэж урам өгсөн. Ц.Пүрэвдорж гэж алдартай дуучин байсныг та нар мэдэх үү, тэр багш маань, мөн Ж.Чулуун, Д.Лувсаншарав багш нар маань бүгд дэмжлээ. Ингээд шалгалт өгч тэнцээд тэр үеийн Ленинград хотод хөгжмийн театрын найруулагчийн мэргэжил эзэмшихээр сурсан. За тэгэхэд чинь миний амьдрал их өөр болгосон байсан. Навчаатайгаа гэрлэж гэр бүл, үр хүүхэдтэй болсон байсан. Тийм учраас амралт олдох болгонд л гэр лүүгээ л давхидаг болсон.

Тэнд очоод Маргарита Давидовна гэж асар өндөр мэдлэгтэй, тэр хэрээрээ чанга хатуу өндөр шаардлага тавьдаг багшийн шавь болсон. Найруулга, арга зүйн талыг Оросын ардын жүжигчин, төрийн шагналт Р.И.Тихомиров гэдэг хүн заасан. Энэ хүн олон арван дуурь тавьсан их нэр алдартай найруулагч. Ийм хоёр багшийн гар дээр сурч, хөгжим гэдгийн зах зух түүх, соёл зөвхөн Оросын төдийгүй дэлхийн соёлт орны хөгжмүүдтэй танилцаж, тэрнийг тодорхой хэмжээнд хуудас, номыг нь эргүүлж судаллаа. Дээр нь найруулагч гэж хэн юм, ямар хүн байх юм бэ гэдгийг тэр сайхан хүмүүсээс эзэмших хувь заяа надад бас оногдсон юм аа. Ингээд би Ленинградад таван жил сурсан. Дахиад хэлэхэд, би их хувь заяатай хүн байгаа хүн. Яагаад гэвэл уран зургийн түүхийн хичээл л гэхэд Эрмитажийн музейд ордог байсан гээд хэн хүнд олдохгүй боломж завшаан тохиож байсан. Би дипломынхоо ажлыг дэлхийн сор болсон дууриудын нэг Италийн хөгжмийн зохиолч Ж.Россинийн “Сивилийн үсчин” дууриар Монголд хийсэн.

-Гоцлол дуучин байсан хүн ерөнхий найруулагч болоод театртаа иржээ. Олон жил ажилласан. Хүсэл мөрөөдөл, зорилго тань юу байв?

-Ленинградаас ирээд найруулагчаараа ажиллаад өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд бүх зүйл индүүдсэн юм шиг сайхан байсан гэвэл худлаа болно. Янз бүрийн л юм тохиолдож байсан. Тэгэхдээ ихэнх нь сайхан байсан. Ихэнхэд нь би өөрийнхөө мэргэжил ажилд дурлаж байсан. Энэ театрт ажиллаж байсан миний багш нар, найзууд, шавь нартайгаа гар нийлэн ажилласан, тэдэндээ би хайртай байсан. Үүнийг би өнөөдөр нүүр бардам хийж чадна. Надад дотроо бодсон бодол, зорилго байсан. Театр маань цаашаа хөгжиж дэвжих нь дамжиггүй ээ. Үүний тулд урын сангийн бодлогыг зөв авч явах ёстой. Гадаадын ямар ч хоолойтой дуучин Монголд ирээд дуулчих тийм урын сантай болгохсон гэж зорьсон. Түүндээ би өнөөдөр хүрч чадсан гэж боддог шүү. Магадгүй, намайг онгирч байна хэлж мэднэ. Онгирсон юм биш болсон бодит түүх нь энэ. Өнөөдөр дуурийн театрт тоглогдож байгаа сонгодог бүх урын сангуудаас дэлхийн хэн ч ирж дуулж болно. Үүнд би сэтгэл хангалуун байдаг. Нөгөө талаар өнөөдөр эргээд харахад энэ санг бий болгосноороо Монголын дуучид дэлхийн түвшний тайзан дээр гарахад ямарч гэсэн нэг дусал дэм болсон. Яагаад гэвэл тэд Монголдоо энэ дууриудыг оролдож танилцаж эхэлсэн. Тийм учраас өнөөдөр дэлхийн зургаан театрт монголчууд дуулж л байна. Жишээлж хэлэхэд, Амартүвшин маань дэлхийд хангалттай орон зайг эзэлж байна. Энэ бол монголчуудын бахархал, бахархал. Монголын дуурийн театрын урын сангийн бодлого зөв байсан учраас эд маань Монголдоо бас ажиллачихаад өөрийгөө улам төгөлдөржүүлээд өнөөдөр дэлхийд нэр төртэй явж байна гэж би боддог юм.

-Театрын хамтран зүтгэгчид гэхээр бас л домог болсон хүмүүс байгаа биз?

-Түрүүн би дурдсан даа, Ж.Чулуун, Ч.Жамсранжав, зураач Ч.Гунгаасүх гээд байна. Ч.Гунгаасүх бол их олон жил хамтарч ажилласан, сайн найз маань. Сахал үс, толгой, байгаа төрх гээд харахад л зураач гэж харагдахаар, зурахаас өөр юм хийдэггүй гэмээр хүн. Бид бүх л насаараа хамт ажиллалаа даа. Миний хийсэн бүх л дууриуд бол Ч.Гунгаасүхтэй холбоотой. Энэ хүн бол асар хөдөлмөрч хөгжмийг их сайн мэдэрдэг. Энэ театрт нэг онцлог байдаг юм. Хөгжмийн анхны мэдэгдэхүүнгүй хүн энэ театрт гишгэх эрхгүй гэж би дотроо боддог. Яагаад гэвэл хийж байгаа бүх юм маань зөвхөн хөгжим дээр тулгуурладаг. Үүнийг мэдэрч мэдэж байж л сая энэ театрт суух ёстой. Манай Гунгаасүх Ленинградад Эрмитажад мундаг багш нараар хичээл заалгаж төгссөн. Зураач хүн тэнд хичээллэнэ гэдэг өөрөө Эрмитаж гэсэн үг. Би тэгж л найзыгаа үнэлдэг. Ч.Жамсранжав мөн л Ленинградад төгссөн. Дандаа Ленинградынхан энд цугласан гэж хааяа бас ярих дуртай. Ингээд сонгодог бүтээлүүдийг хийхээс гадна Монголын хөгжмийн зохиолчдын юмыг жаахан урагш нь ахиулах сан гэдэг сэтгэл төрсөн. Одоо манай алдартай С.Гончигсумлаа Л.Мөрдорж, Д.Лувсаншарав, Г.Дарамзагд гээд энэ хүмүүс бидэнд маш сайн суурь тавьж өгсөн. Сонгодог урлагийн театрыг бий болгохдоо тэд нар сэтгэл зүрхээрээ, мэдлэг, авьяас оюунаараа мундаг суурь тавьж өгсөн. Тэгэхээр байгаа юмыг байгаагаар нь биш жаахан урагш ахиулахсан гэж дотроо бодож явсан. Би хамгийн анх С.Гончигсумлаа гуайн “Үнэн” дуурийг барьж авсан юм. Ч.Гунгаасүх зургийг нь зарсан. Бид хоёр тэр дууриараа Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал авч байсан түүхтэй. Л.Мөрдорж гуайн “Хөхөө Намжил” дуурийг өнгөрсөн жил цоо шинээр тавилаа. Урьд нь тэрийг засаж тоглож байсан удаатай. Л.Мөрдорж гуай хоёрхон дуурь бичсэн байдаг юм. Тэрний хамгийн том нь “Хөхөө Намжил”. Гайхалтай сайхан бүтээл. Багшийнхаа дууриас “Нүцгэн ноён” эротик дуурийг тавьсан. Д.Лувсаншарав багш маань дараа нь “Бид ч санасангүй. Та нар ч санасангүй. Тэр хатдуудыг бараг л нүцгэлдэг байж дээ. Тэгсэн бол илүү ойлгох байсан байх. Чи дараа нь нэг тиймэрхүү юм бодвол зүгээр шүү” гэж байсан. Л.Түдэв гуайн зохиолоор хийсэн Дарамзагдын “Нүүдлийн замд” дуурийг ч тавьж байлаа. Монголын урдаа барьдаг сонгодгууд бол энэ нэр дурдсан хүмүүс, дээр нь цөөн хүн нэмж нэрлэгдэнэ.

-Шинэ үеийн хөгжмийн зохиолчидтой хамтарч олон сайхан бүтээл хийсэн дээ…

-Шинэ хүн хэн байна, хэнийг нааш нь татах вэ гэсэн бодол салдаггүй байсан. Би Д.Нацагдоржийн өгүүллэгүүдэд дуртай хүн. Хатуу хавтастай өгүүллэгийн түүврийг нь уншина, байнга хармаанд явна. Яагаад тэрнээс салж чаддаггүй вэ гэхээр унших болгонд тэр дотроос хөгжим үнэртэж, мэдрэгдээд байдаг. Энэ бол миний л бодол шүү дээ. Надад “Ламбагуайн нулимс” их таалагддаг. Тэр Цэрэнлхам бол учиргүй завхай хүүхэн биш гэж л надад дүрслэгдсэн. Сайхан өсөж өндийж байгаа цэцэг шиг охиндоо ээж нь гай болсон гэж би төсөөлдөг юм. Нацагдорж судлаач бол олон талаас нь зөндөө л биччихсэн. Би Цэрэнлхамыг өрөвдөөд эхэлсэн. “Энэ сайхан бүсгүйг яаж аврах вэ” гэж. Тэгээд хөгжмийн зохиолч Нацагдорж, Жанцанноровт хүртэл хэлж үзсэн. “Би одоохондоо дуурь бичихгүй ээ” гэсэн. Олон хүнд хэлсэн, нэг л болж өгсөнгүй. Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж Соёлын яамны уран бүтээлийн хэлтсийн дарга байсан юм. Тэр намайг дуудаж байна. “Би танд наадахыг чинь бичих хөгжмийн зохиолч олж өгье. Гэхдээ ирэх хавар төгсөж ирэх хүн. Ирэхээр нь тантай уулзуулна аа” гэж байна. Нэг л мэдсэн чинь хавар болж Нацагдорж дуудлаа. Очсон чинь нэг хөөрхөн булцайсан цагаан залуу зогсож байсан нь Х.Билэгжаргал. Свердловскийн Хөгжмийн дээд сургуулийг хөгжмийн зохиолчоор төгсөөд ирсэн үе нь. “Ламбагуйан нулимс”-ын цомнолыг хэн бичих юм гэхээр нь Бавуугийн Лхагвасүрэн бичнэ л гэлээ. Тэгээд хийхээр боллоо. Б.Лхагвасүрэнг дуудлаа, өөрийнхөө санаа оноог хэллээ. Б.Лхагвасүрэн “Үүнийг би бичихгүй юм болбол хэн бичдэг юм. Д.Нацагдорж л ингэж бичих байсан байх гэх хэмжээнд бичнэ. Чи харж байгаарай” гээд томорч байна. Ер нь жинхэнэ уран бүтээлч улсууд бол муудалцана, өөр өөрийнхөө санааг хамгаалж гурвалжин дөрвөлжин маргаан болдог юм. Тэгэхгүй бол юм бүтэхгүй байх гэж би боддог юм. Ингэж л “Ламбагуайн нулимс” төрсөн.

-Х.Билэгжаргал гуайн шилдэг бүтээлийн нэг гэж үнэлэгддэг…

-“Ламбагуайн нулимс”-ыг бичсэнээрээ Х.Билэгжаргал Монголын дуурийн хөгжимд хэн ч хийгээгүй шинэчлэл авчирсан. Үүгээрээ Х.Билэгжаргал Монголын хөгжим болон дуурийн урлагт өөрийнхөө гарын үсгийг хэзээ ч арилахгүйгээр зурсан. Б.Лхагвасүрэн цомнолыг гайхалтай бичсэн. Уншихаар нээрэн ч Нацагдорж бичсэн бол ингэж л бичих байсан байх гэж санагддаг юм аа. Миний хувьд ч олон дуурь жүжиг найруулснаас арай дөнгүүр нь “Ламбагуайн нулимс” гэж боддог. Нацагдорж судлаач Оросын эрдэмтэн Яцковский “Кармены олны хэсэгтэй тийм сайхан хөгжим бичжээ” гэж Х.Билэгжаргалыг маань магтаж байсан. Дараа нь яруу найрагч О.Мэнд-Ооёо, Х.Билэгжаргал бид гурав “Гэрэл сүүдэр” дуурь дээр ажилласан.

-“Чингис хаан” дуурь таны сэтгэлд олон жил явсан уу?

-Х.Билэгжаргалын дараа шинэ залуучууд орж ирсэн. Тэднийг өдөөгч нь, сэдэгч нь би байсан юм. Одоо улсууд худлаа ярьж байна гэж магадгүй дээ. Тэгэхдээ үнэн бол тэр л дээ. Харин биеэ дааж өөрөө юм хийж орж ирсэн хүн бол хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж. Ц.Нацагдорж Шажинбатаар цомнолоо хийлгээд “Үүлэнзаяа” дуурийг бичиж ирсэн. Уран бүтээлийн хувьд би бүх л хөгжмийн зохиолчтой уулзаж байсан. Нэг удаа Б.Шаравт “Чамайг мундаг хөгжмийн зохиолч гээд байх юм. Ганц дуурь биччихдэггүй юм уу” гэлээ. Шарав маань инээж “Хийсэн ч болно л доо. Юугаар хийх вэ” гэж байна. “Чи Чингис хаанаар хий. Чингисийн тухай томоохон уран бүтээл гараагүй. Нэг л кино байна, хөгжмийн уран бүтээл хийе” гэсэн. Цомнолыг нь П.Бадарч бичсэн. Ингээд л Б.Шаравтай гурвуулаа уулзаж “Чингис хаан” дууриа эхэлж байсан юм.

Хөгжмийн зохиолч хүн өөр өөрийн ааш зан, төрхтэй шүү дээ. Шарав бол дөлгөөн хүний тоонд орно. Тэгэхдээ өөрийнхөө хийсэн юман дээр мөн ч айхавтар чардайна. “Чингис хаан” дуурь маань цаг үедээ тохирсон. Магадгүй Монголын ард түмний хүлээж байсан сэдэв байсан байж мэднэ. Ер нь тэр үед монголчууд маань сэрж, оюун ухаанд нь эцэг хааныхаа дүрслэх дүрслэл нь өөр чиг замаар орж ирж байсан ийм цаг үе юм л даа. Б.Шарав бол гайхалтай сайн хөгжим бичсэн.

Энэ мэтчилэн би хэдэн дуурь хийсэн. Үүнийгээ бол би хэнбугайн ч өмнө миний хийсэн ажил аа гэж бүрэн хэлж чадна. Үүнийг хийх боломжийг ахмад үеийн болох залуу хөгжмийн зохиолчид гаргаж ирсэн. Тэд сайн хийсэн. Шарав маань “дахиад дуурь хийвэл би арай өөр юм бодно” гэж ярьж байсан. Өөрөө тэгэхээр бас хийх хүсэл байсан. Тэнгэр тийм боломжийг нь олгосонгүй л дээ.

-Кинонд бүтээсэн дүрүүдээр тань таныг мэддэг, үнэлдэг хүмүүс цөөнгүй бий…

-Кино урлагт намайг Монголын киноны нэртэй найруулагч, ардын жүжигчин Г.Жигжидсүрэн чангаагаад оруулчихсан юм. Би ер нь нэг тийм ааштай л даа. Нэг их хувирах дургүй. Нэг чиг баримжаа барьсан бол тэрэндээ үнэнч байх дуртай. Би Г.Жигжидсүрэн найруулагчийн арваад кинонд тоглосон. “Хатанбаатар”, “Алтан шонхор”, “Нарны унага”, “Намар нахиалсан мод”, “Фронтод явах өргөдөл” гээд яривал арваад кино байгаа. Кинонд оролцсон явдал надад нэг шинэ ертөнцийг нээж өгсөн юм шүү. Хөгжмийн театр дотор эргэлдсэн явцуу амьдралыг их өргөн цартай харах боломжийг надад кино урлаг нээж өгсөн. Би Монголын хөгжмийн театрын том уран бүтээлчдээс гадна драмын урлагийн сайхан уран бүтээлчидтэй дотно харилцаж, хамтран тоглох боломж бий болсон. Энэ бол надад их өөр сэтгэлгээ, өөр ертөнцийг авчирч өгсөн. Би их баян хүн гэж өөрийгөө тооцдог юм. Гадаадын олон сайхан жүжигчидтэй хамтарч тоглож, дотносож байсан. “Хатанбаатар” кинонд тоглосон Анатоли Солоницин бол дэлхийн хэмжээний хүн. Тэр хүн гадны кинонд явах гэж байснаа Чингисийн удмынхны кинонд очиж тоглоно гэж Жигжидсүрэнг дагаж ирсэн жүжигчин. Кино урлаг надад их өргөн боломжийг өгч, сэтгэл зүрх, оюун ухааныг маань баяжуулсан гэж би боддог юм. Тийм ч учраас би өнөөдөр ная хүрчихлээ. Миний удам сударт ийм насалсан хүн байдаггүй юм. Тэгэхээр энэ бүгдийг урлагийн ертөнц, энэ дотор ажиллаж амьдардаг гайхалтай суу билэгтнүүд надад бэлэглэсэн. Тийм боломжийг манай Г.Жигжидсүрэн гаргаж өгсөн.

-Хатанбаатараас эхлээд Жалцав хүртэл хоорондоо эрс тэс дүрүүд бүтээсэн. Найруулагчийн сонголт байсан байх даа…

-Би Жигжидсүрэнгээс болж амьтанд загнуулж байсан. Нэг түүх яриахад, Соёлын яамны томилолтоор сонгодог урлаг сурталчлах лекц уншихаар Говь-Алтай аймагт том амьтан очлоо. Заал дүүрэн хүнд лекцээ уншчихаад “Асуух юм байвал та бүхэн асуу. Би чадлынхаа хэрээр хариулъя” гэхэд нэг ч хүн дуугарсангүй. Тэгсэн тээр тэндээс нэг өвгөн “Би болох уу, хүү минь” гэж байна. “Болно оо” гэсэн чинь учир зүггүй намайг загнасан. “Чи яасан задарсан хүн бэ? Чи яах тэр сайхан вангийн сүр хүчийг гутаав. Чи ер нь бүтэлгүй хүн байна шүү” энэ тэр гээд авч өгсөн. Би хүмүүсээс ичиж байна гэж. “Ах аа, би чинь жүжигчин хүн” гэсэн чинь “Чиний тэр жүжигчин надад ямар хамаатай юм. Хайран сайхан вангийн дүр төрхийг юу гээч юм болгож байгаа юм” гээд загнаж гарлаа. Гай болоход яг урьд өдөр “Нарны унага” кино гарсан юм байна. Тэндээс бүтэлгүй Жалцав золигийг үзчихээд нөгөө өвгөн уурлаад байж. Ер нь монголчууд тийм зантай юм байна. Сайхан дүрд сайхан тоглосон бол тэр чигт нь хайрладаг. Тэр хүн нь эсрэг юм тоглочихвол жигтэйхэн уурлаж гомддог юм байна. Энэ мэтчилэнгээр алдар хүнд нэр сүрийн сайхныг манай Жигжидсүрэн найруулагч надад олгож өгсөн гэж боддог юм. Нэгэн үе дуурийн театрын Ч.Гунгаасүх, Ч.Жамсранжав, Л.Эрдэнэбулан гэж дуудуулж байсан бол одоо нас тогтож өвгөрөхийн цагт монголчууд намайг Баатарван гэж нэрлэдэг юм. Бүтээлээрээ, хийснээрээ ингэж дуудуулна гэдэг хамгийн том шагнал.

-Хатанбаатарт та өөрийгөө гайгүй тоглосон гэж боддог уу?

-Залуу байхдаа би “Хатанбаатар” киног үзэж чаддаггүй байсан юм. Энд ингэчихгүй, тэнд нь тэгчихгүй яасан юм бол гэж бодогдоод санаа зовоод ичээд байдаг байсан. Гэтэл одоо харин тэрийгээ хараад “Бас ч боломжийн юм байна шүү” гэж бодогдох сэтгэгдэл төрж байна. Би бололцооныхоо хэрээр урлагийн ертөнцөд зүтгэлээ, сэтгэл санаа минь өндөр байна. Би зөв мэргэжилд очжээ. Магадгүй өвөөгийнхөө санаж байснаар малчин болсон бол ертөнцийн хатуу хөтүүг тэгж дааж чадах ч байсан юм уу, үгүй ч үү хэн мэдлээ. Иймэрхүү маягаар амьдралыг тууллаа. Энэ цаг хугацаанд миний хаанчлалын үе гэж байсан. Тэр үе бүхэн саяын ярьсан бүх юмнуудтай холбоотой.

-Л.Эрдэнэбулган найруулагчийн хаанчлалын үед байсан. Дуурь, киноноос гадна хамгийн том концерт таны гараар амилдаг байсан уу?

-Гадаадад Монголын соёл урлагийг сурталчлах үйлст бас чамгүй зүтгэжээ. Олон орны хаалгыг татаж, хилийн дээсийг нь алхжээ. Нэлээн хэдэн оронд Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж, тэрний ерөнхий найруулагчаар ажиллаж байлаа. Гадаад дотоод гэлтгүй санаанаас гардаггүй хэдэн тоглолт байдаг юм. 1979 онд Далай лам Монголд анх ирэх үеийн урлаг, уран сайхны үйл бүгдийг нь би хариуцаж байсан. Энэний буянд Далай лам гэдэг хүнийг барааг нь харж, адис авч, Ю.Цэдэнбал даргаар сайхан үг хэлүүлж явлаа. Монгол хүн сансарт ниссэний концертыг би хийсэн юм. Тэр бол сэтгэл санааны тайвшрал авчирсан, сайханд умбасан уур амьсгалыг бий болгосон өдрүүд гэж би дотроо боддог юм. Түүхэн үйл явдлын концертыг нэлээн шинэлэг хийхээр төлөвлөж байлаа. Дандар баатар, Зундуйн Дорж хоёроор концерт дундуур үг хэлүүлэх, найраглалаас нь уншуулахаар болов оо. Өмнө нь сайн захилаа. “Дандар ах аа, та таван минутаас илүү юм ярихгүй шүү” гэхэд “Өө тэгэлгүй яахав дээ” л гэж байна. Зундуйн Доржид бас гайгүй сайн хэллээ. Найраглалаас нь унших мөрийг нь зурж өгөөд “Илүү уншихгүй шүү” гэхэд “за за, тэгнээ” л гэж байна. Яг сансарт нисэх өдөр намайг Их тэнгэрт аваачлаа. Улс төрийн товчоо тэр чигээрээ цуглачихсан бильярд тоглоод л байна. Бүгд л инээд хөөртэй, нэг их сайхан зантай хүмүүс. “Хэн маань нисэх юм бол доо” гэлцэнэ. Гэтэл гэнэтхэн “нисчихлээ, болохоо байлаа шүү” гээд пижигнэлдээд алга болсон. Булганаас хүн ниссэнийг дуулаад хоцорлоо. Удалгүй нөгөө концерт тоглох тов гарлаа. Нөгөө хоёртоо захиж захиж л гаргалаа. Гэтэл Дандар ах 16 минут үг хэллээ. Байхгүй ээ, концерт маань сөнөчихлөө. Зундуйн Дорж гараад 20 минутад нөгөө яруу найргаа бараг бүтнээр нь уншаад хаячихлаа. Байхгүй ээ дууслаа. Хамаг биений хөлс гоожиж, орох гишгэх газар олддоггүй. Маргааш үдийн үед Цэдэнбал даргын өрөөнд дуудагдлаа. Асуудал хүндэрчихлээ дээ гэдгийг мэдэж байсан. Тэгсэн чинь Баатарцогт сайд наана нь сууж байна. Нэлээн загнууллаа. Баатарцогт сайд “Энэ нөхөр, тэр Дандар, Гүррагчаа, Зундуйн Дорж дөрөв чинь нэг нутгийн, нэг довын нөхдүүд байгаа юм” гэж авгайд хэлж байна. Авгай “Юу гэнэ ээ. Нэг нутгийн юм уу эд нар, тийм бол байж болохоо болох. Гэхдээ харамсалтай юм болсон шүү. Танд баяр хүргэе” гэдэг байгаа. Тэгээд л бүх юм дууссан. Тэгж л сансрын концертыг хийсэн юм даа. Гоё байгаа биз дээ. Миний амьдралд ийм сонин содон юм их тохиолдсон байдаг юм.

-Та сүүлд хийсэн киноныхоо тухай ярихгүй юм уу?

-“Үхэж үл болно, Чингис хаан” уу.

-Тийм тийм?

-Анх “Учиртай гурван толгой” гэж хөгжмийн кино хийсэн юм” гэж байсан. Дараа нь Чин Ван Ханддоржийн тухай гурван ангитай кино хийв. Тэрнээсээ давраад “Үхэж үл болно, Чингис хаан” киноны зохиолыг Драмын нэрт зохиолч С.Жаргалсайханаар бичүүлсэн. Тэгээд муухай зоригтой тэр киног хийхээр барьж авсан. Кино хийхэд мөнгө хэрэгтэй байсан ч тэр нь надад олддоггүй. Мөнгө нь эрээд олддоггүй ээ. Тэгээд бүр аргаа бараад мөнгө гуйж 300 гаруй компанийн хаалга татсан юм шүү дээ. Сүүлдээ би өөрөө дэн дун болсон. Юм хийх гэж байгаа хүн чинь компанийн захиралд ойлгуулах гэж оролдоно шүү дээ. Ярина хэлнэ. Бүгд л мундаг ойлгоно. Тэгээд цаг болзоно. Маргааш эсвэл 14 хоногийн дараа ирээрэй гэнэ. Ирэхэд хэн ч байхгүй. Монголчуудын нэг тод том дутагдал байдаг юм. Хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Энэ хамгийн аюултай дутагдал гэж би боддог юм. Яагаад гэвэл өөрийгөө ч доош нь хийж, өрөөлийг бүр аймшигтай хүнд байдалд оруулж байдаг. Тэр хүнийг ир гэсэнд горьдлого тээж л ирж байгаа шүү дээ. Энэ бол зөвхөн миний хувьд тохиолдсон биш. Ерөөсөө монголчуудын алдаа тэр юм байна.

-Гэхдээ уйгагүй явсны эцэст Та мөнгө олж киногоо хийчихсэн дээ…

-Ингээд хамгийн сүүлд “Гацуурт” компанийн захирал Чинбат гэдэг хүн чин сэтгэлээсээ тусалж, ивээн тэтгэсэн юм. Анх Цэрэндагва бид хоёр Чинбат захиралтай уулзаж кионогоо тайлбарлаж яриад л “Надад дор хаяхад дөрвөн зуун наян сая төгрөг хэрэгтэй юм байгаа” гэсэн. Тэр өдрөө гучин таван тэвш машин гаргаж, Батлан хамгаалах яаманд цэрэг авсны төлбөр өгөх байсныг төллөө. Надад нэг л үлгэр шиг, худлаа яриад ч байгаа юм санагдаад л итгэж өгдөггүй. Ингээд хөрөнгө оруулалт бүтэж, кино маань эхэлсэн. Хоёр ажилтнаа дуудаж Л.Эрдэнэбулган гуайн ажлыг “Хувийнхаа нэг жижиг компанийн хэмжээнд дэмжинэ шүү. Ямар нэгэн асуудал гарвал зөвхөн Эрдэнэбулган гуайн зөвшөөрлөөр хийнэ” гэж даалгавар өглөө. Бүр мөнгөө бэлэн аваад яв гэж байна. Тэгэхээр нь компаниас нь нягтан гаргуулж авлаа.

Киногоо хийж дуусаад үзүүллээ. 800 сая төгрөг өгсөн хүн “Иш чааваас ийм юм хийгээд” гэж хэлэх вий гэхээс эмээж л байлаа. Кино үзэж дуусаад Чинбат захирал босоод “Баяр хүргэе ээ. Монголчууд өөрсдийнхөө тухай ингэж хийж байгаа нь талархалтай юм. Бусдад яахыг мэдэхгүй. Хөрөнгө гаргасан хүний хувьд би сэтгэл сануулан байна аа. Баярлалаа. Эрдэнэбулган гуай” гэж хэлсэн. Ингэж энэ кино дууссан байгаа юм.

-Танд нийт хэдэн бүтээл байна вэ?

-Нийт 29 дуурь хийсэн. Дөрвөн кино хийжээ. Хот, хөдөөгүй томхон хэмжээний 200 гаруй концерт хийсэн. Долоон удаа гадаадад Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулсан байна. Хамгийн сүүлийн соёлын өдрийг 1992 онд Москвад хийсэн юм.

-Одоо багш нарынхаа талаар дурсах уу?

-Д.Лувсаншарав багш намайг анх театрт авсан хүн. Лувсаншарав багш маш нарийн дэг жаягтай, өндөр ёс суртахуунтай, их чадварлаг хүн л дээ. Хар багаасаа зовлон үзсэн юм байна. Миний ажигласнаар манай багш эргэж буцдаг хүнд дургүй. Дээр нь наргиж цэнгэсэн үед маргааш өглөө нь ажилдаа ирж чадахгүй хүнийг бүр авч хэлэлцэхгүй. Хүмсүүдээс яг өөртэйгөө адилхан өндөр шаардлагыг нэхдэг. Монголын хөгжмийн урлагт гайхамшигтай олон дуу бичсэн. Энэ дуунууд бол өнөөдөр ч амьдарч байна. “Хан бүргэд”, “Шивээ хиагт” зэрэг хэд хэдэн сайхан дуурь бичсэн. Ажлын бус цагт бол бусдаас доор шүү. Тоглоод л бужигнуулаад л үймүүлээд, энд тэнд унагахыг нь унагаж, асгахыг нь асгаад л бүр хачин. Тийм нэг өвөрмөц хүн байсан даа.

Монголын урлагт Ж.Чулуун гэдэг гайхамшигтай суу билэгтэй хүн байсан. Энэ хүн бусадтайгаа адилхан номын биш, цэвэр авьяас. Дээд сургуулийн боловсрол гэж байхгүй. Тэгэхдээ өөрөө асар хөдөлмөрч, ажилсаг хүн. Тэр нь нөлөөлсөн байх. Хийлийг гайхамшигтай тоглодог. Сурган хүмүүжүүлэгч, өөрийн гэсэн үзэл бодол, арга барилтай. Тэнгэрээс өгсөн авьяасаараа ямар ч хөгжмийн бүтээлийг тоглож чаддаг, удирдаж чаддаг. Ер нь хөгжмийн урлаг гэдэг бол удирдаачидтай шууд холбоотой. Ж.Чулуун багшийг удирдаачийн байран дээр ирэхэд ямар ч хүн, ямар ч хөгжмийн бүрэлдэхүүн атгасан шагай шиг гарт нь ордог. Ийм увдистай удирдаач тэр болгон төрдөггүй ховор. Ч.Жамсранжав бол Ленинградад сургууль төгсөн, том мэргэжилтэн. Ардын зураач Л.Гаваа гэж хүн бий. Энэ хүн маш өвөрмөц арга барилтай. Маш сонин шийдлүүдийг хийдэг, орчин үе уламжлалт урлаг хоёрыг нь хослуулдаг хүн. Гавааг олон зураачид их өндөр түвшинд үнэлж байдаг юм. Театрын дарга Л.Намхайцэрэн гуай бол герман боловсролтой хүн. Биеэ авч явах байдал, идэж уух, хүнтэй харилцаа зэрэг нь яг герман соёлтой гайхамшигтай хүн л дээ.

-Та чинь олон улсын дуурийн наадмыг анх удаа зохион байгуулж байсан байх аа…

-Италийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Пуччиний “Турандот” дууриас сэдэвлэн Монголын хан хүү нэртэй Олон улсын дуурийн наадмыг Монголд анх удаа зохион байгуулсан. Дуурийн наадамд Итали, Хятад, Болгар, БНСУ, ОХУ, Монголын уран бүтээлчид оролцсон юм. Мөн Америкийн үндэсний дуурь Ж.Гершвиний “Порги Бесс хоёр” дуурийг албан ёсны эрхийг нь авч Монголдоо тоглож байлаа. Америкаас удирдаач, хормейстер, төгөлдөр хуурч нь ирж байсан юм. Гээд дурдаад байвал их урт түүх ярих болно.

-Гадаадын 30 гаруй орноор явлаа гэж ярьж байна. Монголоо ч гэсэн бүтэн тойрсон уу?

-Би Театрт орсон цагаасаа эхлэн урлагийн бригадаар хөдөөгүүр тоглолт хийдэг байсан. Хол аймгуудад сар хүртэл хугацаагаар явна. Эхэндээ тэмээн дээр хөгжим, зэмсгээ ачаад дагаад явдаг байсан байгаа юм. Дараа нь арай боловсорч морин тэргээр, сүүлдээ машин унаатай явдаг болсон. Одоо бодоход Монголоо дөрвөн удаа бүтэн тойрсон байдаг. Надад очиж үзээгүй аймаг, сум, баг байхгүй. Урлагийн нэг бригад 15-30 хүний бүрэлдэхүүнтэй явдаг. Хөдөөгийн зон олонд сонгодог урлагийг таниулах, сурталчлахын зэргэцээ Монгол нутгийнхаа байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх аз завшаан бидэнд тохиож байж дээ.

-Таны хань бас дуурийн театрын балетчин байсан….

-Би бүхэл бүтэн жаран жилийг дуурийнхаа театрт ажиллажээ. Миний амьдралын баяр баясгалан, уйтгар гуниг аливаа бүхэн бол энэ театраас л амилж эхэлдэг. Ийм түүхтэй. Эргээд харахад энэ театрт ажилласнаараа би нэр бүтэн явсан байх юм. Би энэ театраас ажил амьдралаа эхэлсэн. Хань ижлээ ч эндээс л олж авсан. Энэ театртаас би нэр хүндийг ч олж авсан.

Миний хань Монголын анхны балетчдын нэг, гавьяат жүжигчин А.Навчаа. Ханьтайгаа бүтэн 50 жил хамт амьдарч байгаад өнгөрсөн жил тэр маань явчихлаа. Хоёулаа уран бүтээлч болохоор өөрийнхөө үр хүүхэд, бусадтай харьцах харьцаандаа жаахан орхигдуулсан тал бий. Амьдралын бүх нугачаанд хамтдаа байсан ханиа өнөөдөр бас эргэж санахгүй байж би чадахгүй юм. Хүний амьдралд тохиолддог онох алдах, хазгай гишгэх үед ханьтай байна гэдэг амьдралын хамаг утга учир нь байдаг юм болов уу. Тэр маань уучлах юман дээр уучилж, хайрлах юман дээр хайрлаж, болохгүй юмыг нь хэлж, болдог юмыг нь болгож, хажууд минь гэрийн нэг багана шиг явж байсныг би бас хэлэхгүй байж чадахгүй нь ээ. Өнгөрсөн жил бид ярьсан байсан юм. Тавин жилийнхээ ойг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэнэ шүү гэж. Ерөөсөө хорвоогийн жам юм л даа. Нэг нь ирж байдаг, нэг нь буцаж байдаг тийм л юм тохиолдлоо.

-Таны 80 насны ойд зориулан Дуурийн театр “Сонгодог жаран” тоглолт зохион байгуулах гэж байгаа юм байна. Тэнд өнгөрөөсөн 60 жил таны хувьд юу вэ?

-Энэ 60 жил миний амьдралын ялалтын эхлэл ба төгсгөл. Энэ дотор бүх юм багтсан. Алдаа оноо маань бүгд бий. Оноо нь илүү байх аа. 60 жил нэг газар ажиллана гэдэг хувь тавилан юм. Бүхэл бүтэн нэг жарныг сонгодог урлагийн төлөө чин үнэнчээр зүтгэж элээжээ. Энэ улаан байшинд миний бүх амьдрал багтаж байгаа. Ажил төрөл, гэр бүл, уран бүтээл, гадаад дотоод айлчлан тоглолт гээд. Больчихмоор үе байсан, болиогүй төдийгөөс өдий хүртэл чин сэтгэлээсээ зүтгэлээ.

-Та Булганы хүн. Их л нутаг амьтай хүн санагддаг. Байнга л нутагтаа байгаа дуулддаг…

-Би Булган аймгийн Бугат сумын хүн. Сүүлийн 10-аад жил тэндээ амьдарч байна. Жижиг хөөрхөн байшиндаа эхнэр, нохойтойгоо гурвуулаа амьдарч ирлээ. Яаж тэр хол уул хадан дунд амьдардаг юм гэж хүмүүс гайхдаг юм. Мэдээж хэрэг хичнээн төрж өссөн нутаг ус ч хоёулхнаа байвал бас тийм амар биш. Хамгийн гол нь манай нутгийнхан намайг жигтэйхэн дээдэлж, хүндэлж харьцдаг юм. Түүнтэй нь адилхан сайхан байхсан гэж би дотроо боддог юм. Тэнд миний хэдэн найзууд бий. Бугат сумын түүхийг тэр чигт нь мэддэг Шагдар гээд сүрхий ажигч өвгөн бий. Сайнцогийн гэр бүл, Наранцогт, Сувдаа, Алтсайхан, Цэдэнбал, Отгон гээд сайхан сэтгэлтэй хүмүүс бид хоёрт маш их тусалдаг байсан. Байнга эргэж тойрно. Өвдөж үү, эрүүл саруул байна уу гэж асууж сурна. Өнгөрсөн жил миний ханийг бурхан болоход тэр холоос миний энэ хэдэн найзууд бүгд ирсэн. Өнөөдөр ч гэсэн би ганцаараа нутагтаа очиход тэд маань тосч уулздаг. Янз бүрийн зочин төлөөлөгч ирлээ гэхэд тэд л гүйж, хамаг ажил зохицуулж өгдөг сайхан нөхөд надад байдаг юм.

Ер нь манай булганчууд надад хүндлэлтэй сайхан сэтгэлээр ханддаг. Тэр тусмаа Магсаржав гуайн төрсөн нутаг Хутаг сумынхан Магсаржав гуай хүрээд ирсэн юм шиг тийм сэтгэлээр ханддаг. Аль ч суманд, хаана ч яваад орсон намайг танихгүй, хүндлэхгүй хүн байдаггүй. Ийм хүндлэл надад хэм хэмжээтэй байхыг, хүн шиг явахыг байнга мэдрүүлдэг. Тэр их хайрыг гэдэс рүүгээ бүгдийг нь чихчихгүй явахсан, эмх цэгцтэй явахсан гэж бодогдоод байдаг юм. Ардын жүжигчин Нямын Цэгмид гуай “Хатанбаатар” киног гарсны дараа “Өнөөдрийн киног монголчууд их сайхан хүлээж авах шинжтэй байна. Сайхан хүлээж авна гэдэг чиний нэр сүр ихээхэн дээшээ явна гэсэн үг. Тэр сайхан нэр сүрийг олсон хүн нохойд хошуугаа долоолгоод хэвтэж байвал гутамшиг. Тийм явдал бидэнд тохиолдож байсан түүхтэй. Нутгийн хүний хувьд чамд хэлэхэд чи эмх цэгцтэй, тохитой томоотой сайхан яваарай” гэж захиж байсан юм. Өнөөдөр тэр кино гарснаас хойш 40 жил боллоо. Эцэг шиг минь сургасан тэр хүний үгнээс гажсангүй өдий хүрлээ.