Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хувийн хэвшлийнхэн төрөөс хүн гуйлаа DNN.mn

Төр данхайсны нэг том жишээг бизнес эрхлэгчид тод томруун ярьж байна. Учир юу гэвэл хувийн хэвшил боловсон хүчний хомсдолд орсон талаар Ерөнхий сайдад дуулгаж, та нар төрийн албанд байгаа үр бүтээлгүй олон хүнээ цөөлж, бидэнд ажиллах хүч гаргаж өг хэмээв. Юм хэтэрнэ гэхэд бас арай ч утгаа алдсаны тод жишээ энэ юм. Статистикаас харахад, сүүлийн 10 жилд төрийн захиргааны албан хаагчийн тоо хоёр дахин нэмэгджээ. Үүнд эмч, багш нар гээд төрийн үйлчилгээний албан хаагчийн тоо ороогүй гэсэн үг. Зөвхөн яамдын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, ахлах зохион байгуулагчдын тоо 58 хувь, тасгийн дарга, ахлах шинжээч, шинжээчдийн тоо 25 хувь, газар болон хэлтсийн дарга нар 50 хувь зэргээр өссөн байна.

Төрийн алба ингэж данхайсан нь төрд ажиллах нь хувийн хэвшилд ажиллахаас хавьгүй хялбар, ашигтай байдагтай шууд холбоотой. Цалин бэлэн, ажил бага, цаашлаад дарга сэтэр зүүвэл хангамж боломжийн болохоор төрд орох хүсэлттэй хүмүүс их болжээ. Жишээлэхэд, хэвлэл мэдээллийн салбар ч боловсон хүчний хомсдолд орсон. Дөнгөж төгссөн шинэ сэтгүүлчийг ажилд авч, хамаг байдгаа зааж сургаж, гайгүй бичдэг болоод ирүүт төрийн дэргэд байгуулагдсан хэвлэлийн албад “сороод” авчихдаг. Шинэ сэтгүүлчдээс гадна энэ салбарын гайгүй болгоныг өөртөө шингээж байна. Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүхий л төрийн алба дэргэдээ маш том хэвлэлийн албатай. Зарим нь бүр газар, агентлаг болтлоо өргөжиж, хүнээ нэмсээр байгаа.

Энэ мэт хувийн хэвшлийн бүхий л салбараас төр боловсон хүчнийг нь булаан авч байгааг бизнес эрхлэгчид сануулж байна. Хэмнэнэ, танана гээд байгаа энэ цагт хувийн хэвшилд хэрэгтэй хүмүүсийг нь гаргаж өгч, төрийн мөнгийг хэмнээч.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуус эх орныхоо ирээдүйд санаа зовнин жагсаж байгаа бол түүн шиг сайн юм хаана байх вэ DNN.mn

Сүүлийн өдрүүдэд төв талбай дээр залуус жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байна. Өдрөөс өдөрт залуусын тоо нэмэгдсээр, өчигдрийн жагсаалд бүр хүч түрэн орж ирлээ.

Ажлынхаа зав чөлөөгөөр, цайны цагаараа, хичээлийн завсарлагаанаараа залуус зав гарган талбай руу ирж “Монголдоо сайхан амьдаръя” гэж эрх баригчдад зориулан үгээ хэлж байна. Тэд бичгийн жижиг цаас болон хатуу бор картон цаасан дээр “Үнийн өсөлтийг зогсоо”, “Тэгш эрх тэгш боломж”, “Ажлаа хий” гэх мэт үгийг бичиж, энэхүү жагсаалд залуусыг нэгдэхийг уриалж байлаа.

Тэд илүү дутуу том лоозон барьсангүй, үнэтэй дэлгэц, чанга яригч, дээр нь зогсох машин тэрэг авчирсангүй. Үүргэвчээ үүрээд, үзэл бодлоо бичгийн цаасан дээр балаар бичээд жагсаж байгаа залуусыг хараад аль дээр унтарч орхисон нэгэн бүдэгхэн горьдлого тодроод ирж байна. Олон хүний сэтгэлд ийм горьдлого цогшин тодорч байгаад эргэлзэх зүйл алга. Өнөөдрийн жагсаал хийж байгаа залуус аль нэг намын санхүүжилтээр цуглаагүй байгаасай гэж залбирч байна. Ямар нэгэн олигархийн эрх ашгийг хамгаалахын тулд тэд цуглаагүй бол бид маргаашийг арай гэрэлтэй, итгэлтэйгээр харах найдлага төрж байна. Үнэхээр залуус маань эх орныхоо цаашдын ирээдүйд санаа зовж, үзэл бодлоо илэрхийлэхээр жагсаж байгаа бол үүн шиг сайн зүйл хаана байх билээ.

No description available.

Хүн төрөлхтөн хувь заяаныхаа төлөө, ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө ямар их идэвх зүтгэл гаргаж байгааг бид дэлхий нийтээс харж байна. Тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зольж буйг өдөр бүр сэтгэл шимшрэн үзэж, сонсож байна. Ямар хүнд хэцүү шантармаар, бүр амиа өгөх хэмжээнд хүрсэн хатуу бэрх үед ч хүмүүс айж эмээлгүй жагсаж, тэмцэж байна. Бас тэд амиа үл хайрлан тулалдаж байна. Энэ бол сонголт юм. Ямар сонголт хийхээ соёлт хүн төрөлхтөн хэдийнэ мэддэг болсон. Монголчууд биднийхээр бол “яршиг хайран амь, хэн тэгж байлдаж байдаг юм” гээд зугтаад явчихмаар үйл явдалд тэд илүү хэцүү амь дүйсэн тэмцлийг сонгож байна. Зугтах, зайлсхийх амархан л даа. Өөр улс орон руу яаж ийж байгаад дүрвээд гарч болно. Жагсахгүй, тэмцэхгүй шууд буугаад өгөх хулчгар сонголт хамгийн амархан бэлэн байж байна. Харин энэ бүхнийг алгасаж, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж жагсаж, байлдаж байгаа хүмүүс бол тухайн улсын ирээдүйн баталгаа, үнэ цэнэ юм. Өөрөө амь үрэгдэвч үр хойчдоо сайхан амьдрал бэлэглээд одож байгаа баатруудын үр сад цаашид ч буруу сонголт хийдэггүй биз ээ.

Монголчууд бид дэлхийн бүх хүмүүстэй ав адилхан махан бие, цусан судастай. Одоо үзэл бодол, үйл хэргээ ч бусадтай адилсгамаар байна. Монгол Улсын хувь заяаны төлөө монголчууд өөрсдөө санаа тавих цаг болсон. Монголчуудын сайхан амьдралын төлөө, хөгжлийн төлөө, ядуурлын эсрэг их бага, том жижиггүй дуугарч байхгүй бол ядуурлын хүлээс цаг өнгөрөх тусах чангарсаар байх нь. Бид дэлхийн олон зүйлээс хоцорч яваа. Өдөр бүр хулгай дээрэм, хүнд суртал, авлига гээд жирийн хүмүүсийн сайхан амьдрах боломжийг хаасан тээг саадтай бид тулгарч байдаг. Одоо энэ бүгдтэй эвлэрээд амьдармааргүй байна. Өнөөдөр Монгол Улсыг тойроод гадаад талдаа хойноо дайнтай, урдаа тахалтай, таг хаалттай сууж байна. Дотооддоо төгрөгийн ханшаа унагаад алдчихсан, инфляци багалзуурдчихсан, цаашид хэдий хүртэл тэсэх юм, хэзээнээс сэргэж сэхэх нь тодорхой бус. Ийм үед залуусын хандлага үнэхээр найдлага төрүүлж эхэллээ.

1 хүн, зогсож байгаа болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Монгол Улс өнөөгийн ядуурал, нийгмийн тэгш бус байдал, авлига, албан тушаалтнуудын шуналаас яаж салах вэ. Яаж улс шиг улс болж эх орондоо цөөхүүлээ биш, цөмөөрөө аз жаргалтай амьдрах вэ гэдэг гарц гаргалгаагаа олж хэрэгжүүлэх ёстой болоод байна. Үүний тулд олноороо

жагсаал хийж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь хамгийн үр дүнтэй арга билээ. Монгол Улсынхаа хувь заяа, өөрсдийнхөө ирээдүйн төлөө нэгдэж байгаа залуусаараа монголчууд бахархаж, баярлаж байна.

Яагаад энэ олон жил Монголд Соёлын төвөөс өөр дорвитой бүтээн байгуулалт хийсэнгүй вэ?

Яагаад бид ганц ч үйлдвэр, мөнгө хийх юм хийсэнгүй, наймаанаас өөр юу ч хийлгүй энэ олон жил болов?

Яагаад төрд очсон болгон нь хулгай хийж эх орноо тононо вэ?

Яагаад боловсролын салбар ингэтлээ унаж, бодлогогүй явна вэ?

Яагаад дэлхийн хөрөнгөтэй болгоны сонирхлын татаж, 17 хувийн өсөлттэй шуугиулж байсан эдийн засгийг татаж унагаж, хөрөнгө оруулагчдыг хөөж гаргав?

Яагаад хэсэгхэн хүмүүс баяжиж, нийгэмд дабль стандарт тогтоод эхлэв?

Яагаад төмөр замаа барилгүй энэ олон жил мухруулав?

Яагаад цахилгаан станцаа барилгүй энэ олон жил хүнээс царай алдаж амьдрав?

Яагаад өвдсөн хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй, танил талаа гуйдаг болов?

Яагаад монголчууд нийтээрээ ядуу амьдарч байна вэ?

Яагаад шатахууны үйлдвэр барьчилгүй энэ олон жил тэжээвэр хурга шиг царай алдан оршив?

Яагаад?, яагаад?…

Энэ бүх яагаадын учрыг олж, бурууг нь засч, зөвийг нь дэмжихэд монголчуудын бүгдийнх нь оролцоо, залуусын идэвх санаачилга чухал байна.

Монголын залуус “Шударга ёсыг хүсч байна” гээд жагсаж байна. Цаг нь болжээ. Өмнө нь хэн нэгнийг албан тушаалд хүргэх гэж, эсвэл нэг намын нэрийн өмнөөс мөнгө төгрөг авч жагсдаг байсан жагсаалаас энэ удаагийнх арай өөр харагдаж байгаад л итгэл найдвар төрөөд байгаа хэрэг.

Монгол эх орныхоо төлөө монголчууд чин сэтгэлээсээ санаа зовох, санаа тавих цаг нь болсоон. Энэ дэлхийд бид л монголчуудынхаа төлөө санаа тавьж, бид л монголчуудаа үнэлж хүндлэхгүй бол өөр хэн бидний төлөө санаа зовно гэж. Хэн ч биднийг хөөрхий гэхгүй нь дэндүү үнэн. Энэ бүгдийг яагаад бид өдий хүртэл ухаарахгүй явж ирэв. Бид өөрсдөө арчаатай, ардчилалтай амьдрахгүй бол биднийг хэн ч үл тоох нь өдөр ирэх тусам тодорч байна. Биднээс бусдад бид биш, бидний нутаг л үнэтэй болохоос арчаагүй монгол хэнд ч хэрэггүй гэдгийг ухаарах цаг болсон.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Бэрэн групп”-ийн ТУЗ-ын дарга Б.Мөнхтөрийн охин Цэлмэг: Аавын минь гангийн үйлдвэр байгуулах 20 жилийн зүтгэл зогсох ёсгүй DNN.mn

– Зээлээ төлүүлэх гээд байна уу, “дээрэмдэх” гээд байна уу гэдгийг ойлгохгүй л байна-


Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад эргэн төлөлт нь тасарсан компаниудыг он гараад зарласан билээ. Үүний дараахан зарим компанийн удирдлагуудыг цагдан хорьсны нэг нь “Бэрэн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөр юм. Энэ удаагийн дугаартаа Б.Мөнхтөрийн охин “Бэрэн групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Цэлмэгийн ярилцлагыг хүргэж байна.


-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач…

-Би айлын том охин. Нэг эрэгтэй дүүтэй. Аав, ээж хоёр маань намайг биеэ дааж сургахын тулд анх Улаан-Үд хотын Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид оруулж байсан. Манай аавын ахынх нь эхнэр буриад хүн байсан болохоор тэднийд амьдарч, бага сургуулиа Буриадад дүүргэсэн. Бага сургуулийн төгсөлтийн арга хэмжээн дээр сургуулийн шилдэг сурагч Мөнхтөрийн Цэлмэг гэж дуудахыг сонсоод охиноороо их бахархсан гэж аав, ээж хоёр маань ярьдаг юм. Тэгээд хүүхдээсээ хол байх дэмий юм гээд намайг Улаанбаатарт авчран, би тавдугаар ангиасаа орос гуравдугаар сургуульд сурсан. Есдүгээр ангиа мөнгөн медальтай төгсөж анги дэвшин шууд 11 дүгээр ангид орсон. Дунд сургуулиа таван онцын эзэн, алтан медальтай төгссөн.

-Шилдэг сурагч байжээ. Их сургуульд хаана сурсан бэ?

-Би багын л Англи улсад сурах мөрөөдөлтэй хүүхэд байсан. Дунд сургуульд байхдаа IELTS- ийн шалгалт өгөөд оноогоо бүрдүүлэн Англид сурах бэлтгэлээ хангасан байсан. Тэгээд Английн Эксетрийн их сургуульд шалгалт өгч тэнцээд урилгаар орж, тус сургуулийн “Бизнесийн удирдлага”мэргэжлээр бакалаврын зэргээ хамгаалсан. Дараа нь дэлхийд шилдэгт тооцогддог Лондонгийн Кингс Коллежид Санхүү, нягтлан бодох мэргэжлээр мастерын зэргээ хамгаалсан. Англид сурч байх хугацаандаа их зүйл сурч, төлөвшсөн гэж боддог. Монголдоо хэрэгтэй юм хийх мэргэжилтэн болно л гэж хичээн сурч байсан даа.

-Мэдээж Монголдоо ирээд шууд аавынхаа компанид ажилд орсон уу?

-Үгүй, Монголдоо буцаж ирээд дэлхийн дөрвөн том аудитийн компанийн нэг болох KPMG гээд аудитын компанид аудитчинаар ажилд орсон. Тэндээ жил гаруй ажиллаж, тодорхой туршлагатай болсон. Тэгээд аав маань компанидаа ирж ажиллах санал тавьсан учраас компанидаа бүр бага нэгжээс нь эхэлж, компанийн үйл ажиллагааны талаар бүх шатанд ажиллаж туршлагажсан. Ажиллаж байх хугацаандаа хууль, эрх зүйн мэдлэг шаардлагатайг ойлгоод 2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд суралцаж, шилдэг оюутан болон эрхзүйч мэргэжил эзэмшсэн. Товчхондоо ийм л намтартай даа. Ямартаа ч өөрийгөө тодорхой хэмжээнд боловсруулаад, бизнес эрхлэн, Монголдоо, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийх хүслээ бодит болгохоор хичээж байна.

-“Бэрэн групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхтөр гэдэг хүнийг хүмүүс тодорхой хэмжээнд мэддэг. Харин охин нь аавынхаа талаар илүү ихийг ярих байх…

-Миний аав чинь багадаа маш толгой сайтай хүүхэд байсан гэдэг. Олон төрлийн олимпиадад түрүүлдэг. Аравдугаар ангид байхдаа Ардчилсан Герман улсад болсон Математикийн олон улсын олимпиадаас Монгол Улсаас анхны алтан медаль авч байсан. Аравдугаар ангиа алтан медальтай төгсөж, ЗХУ-ын Харьковын их сургуульд суралцаж “Цөмийн физикч” мэргэжлээр төгссөн. Манай аав есөн хүүхэдтэй айлын хамгийн бага нь. Аавыг хоёр настай байхад аав нь бурхан болсон болохоор ээж, ах, эгч нартайгаа өссөн, мэдээж ээжийн амин хайртай хүүхэд нь байсан гэдэг. Харьков хотод оюутан байхад ээж нь бурхан болж, ах нар нь аавд хэлээгүй юм билээ. Төгсөж ирээд энэ тухай мэдэж, их л хямарч гуниглаж байсан тухайгаа ярьдаг. Эмээг өөд болсны хэдхэн сарын дараа би төрсөн гэсэн. Эмээг хөдөөлүүлэхдээ Монгол заншил ёсоор тавьсан тэмдгийг нь би авч төрсөн гэж ярьдаг. Тийм болохоор аав минь ээжийгээ эргэж ирлээ гээд маш их баярласан гэдэг. Ер нь аав бид хоёр хэзээнээсээ их амь нэгтэй л дээ. Аав надад хүмүүстэй муудаж болохгүй, эвтэй жудагтай байгаарай гэж байнга захидаг. “Хамгийн зөв хүн” олоод ир гэвэл би аавыгаа л нэрлэнэ. Үүнийг ганц би биш, хамтран ажилладаг, таньж мэддэг олон хүн хэлнэ. Нэг амьдрах насандаа хүн хүнээрээ байх ёстой гэдгийг өөрийнхөө биеэр үр хүүхдүүд, ах дүү, олон түмэнд үлгэрлэн амьдарч чадаж байгаа хүн бол миний аав. Аав маань хүний өөрийн гэж ялгалгүй бусдад маш их тусалдаг хүн. Бусдад тус дэмтэй явах нь манай гэр бүлийн үндсэн зарчим юм даа.

No description available.

-Дүү чинь компанидаа хамт ажиллаж байгаа юу?

-Ажиллаж байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаагүй. Тархины хорт хавдар тусч хүндхэн мэс засал хийлгэсэн учраас урт хугацааны эмчилгээ хийлгэж байгаа. Коронагийн жилүүдтэй зэрэгцээд бидний амьдралд төсөөлж байгаагүй хүндхэн сорилтууд тулгарч байна. Энэ бүхний зэрэгцээ Хөгжлийн банк, өр зээлийн асуудал дуулиан болж гарч ирлээ. Аавыг маань цагдан хорих арга хэмжээ авчихлаа.

-Хөгжлийн банктай холбоотой өр зээлийн асуудлыг ярихын өмнө “Бэрэн групп” ХХК-ийн үүх түүхээс ярилцъя. Хэзээ байгуулагдсан компани вэ?

-Аав маань оюутан байхаасаа ах нарынхаа хамт тарваганы арьсан малгай хийж борлуулан анхны хуримтлалаа үүсгэж байсан гэдэг. Сургуулиа төгсөж ирээд ШУА-ийн Физик, техникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1992 оноос ах нарынхаа хамт “Бэрэн групп” ХХК-ийг байгуулан, Программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Өгөөж, Талх чихэр, Сэлэнгийн гурилын үйлдвэр, Дарханы төмөрлөг зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газруудын санхүүгийн программ, ДЦС-ууд, Эрдэнэт концернын автомат удирдлага, хяналтын системүүдийг хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын ихэнх боомтууд дээр орчин үеийн электрон, хүнд даацын пүү үйлдвэрлэж, угсарсан байдаг. Мөн Сингапур улсаас орчин үеийн нарийвчлал өндөртэй үйлдвэрлэлийн автоматжуулалтын багаж хэрэгслэл, мэдрэгчүүд, оффисын тоног төхөөрөмж импортлон үйлдвэрүүдэд нэвтрүүлсэн гээд бизнесийн эхэн үедээ программ хангамж, автоматжуулалтын ажлыг голлож хийж байсан байдаг.

Монгол Улсад газар тариалангийн салбарын уналтын үе буюу 1996 оноос ОХУ, БНХАУ-аас гурил импортлон улсын гурилын хэрэгцээний 40-өөд хувийг ханган нийлүүж байсан гавьяа мөн л аавынх.1997 оноос газар тариалангийн салбарт хөрөнгө оруулан 40.000 га эргэлтийн талбайд улаанбуудай тариалан дотоодын хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлэн, хүнсний хараат байдлаас гарахад хувь нэмрээ оруулан ажиллаж, Монгол Улсын 2000-2002 оны улсын шилдэг тариаланчаар шалгарч байлаа гээд яриад байвал аав маань үүх түүх ихтэй, хийж бүтээсэн нь нүдэн дээр ил харагддаг.

No description available.

Өдгөө “Бэрэн групп” ХХК маань хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай, хүнд үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, барилга үл хөдлөх гэсэн дөрвөн томоохон салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани Улсын тэргүүний тариаланч хамт олон, Шилдэг аж ахуйн нэгж, Найдвартай татвар төлөгч, “ТОП-100”, “ТОП-150” ахуйн нэгжээр жил бүр шалгарч МҮХАҮТ-аас олгодог ENTREPENEUR зэрэг бусад шагнал, өргөмжлөлийг 30 гаруй удаа хүртсэн.

-Танай компанийн барьсан Хангай хотхон гэр хорооллыг барилгажуулах ажлыг бодитоор хийж болдог юм гэсэн тод жишээ болж харагддаг. Бас л амаргүй давааг давж газраа чөлөөлсөн байх даа…

-Сүүлийн жилүүдэд манай компани барилгын салбарт амжилттай ажиллаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Монгол Улсад хамгийн амжилттай хэрэгжсэн төсөл бол 7 дугаар хороолол буюу Хангай хотхон. Мэдээж, газар чөлөөлөхийн тулд иргэдтэй ярилцаж тохирох нь хамгийн их цаг хугацаа шаардсан, ихээхэн хөрөнгө шаардсан, бэрхшээлтэй ажил байсан ч бид ард нь гарч, төслөө амжилттай хэрэгжүүлж чадсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь арилжааны шинж чанартай барилгын төслүүдээс маш их ялгаатай. Газар чөлөөлөлтөд цаг хугацаа, хөрөнгө их шаардагддаг, бага, дунд орлоготой иргэдэд зориулсан учраас жижиг талбайн зохион байгуулалттай байдаг тул ашигтай талбай бага, нэмэлт тоноглолууд суурилуулах шаардлагатай болдог.

Нийтдээ 7 дугаар хороолол орчимд 30 га талбай буюу 600 орчим айлын газрыг чөлөөлж,төслийн хүрээнд 4.000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулсан. Энэ нь агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байгаа 600 янданг бодитоор байхгүй болгосон гэсэн үг. Гэхдээ иргэд орчны бохирдол гэхээр зөвхөн агаарын бохирдол гэж ойлгодог. Үүнээс гадна хөрс, усны бохирдол бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байгаа. Жил бүрийн хавар гардаг халдварт өвчнүүдийн гол эх үүсвэр бидний хэлж заншсанаар нүхэн жорлонгоос үүдэлтэй юм. Тэгэхээр бид зөвхөн 600 янданг биш, тэр хэмжээний нүхэн жорлонг бас бодитоор байхгүй болгосон гэсэн үг юм.

Энэ нь манай компанийн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй ажил гэж боддог бөгөөд бидний ажлын нэг бахархал юм даа.

-Барилгын гол материал бол яах аргагүй арматур байдаг. Танай компанийн арматурын үйлдвэр үйл ажиллагаагаа эхлэх болж байгаа юу?

-Аавын минь мөрөөдөл бол Монгол Улсдаа ган үйлдвэрлэх. Тийм ч учраас олон жил дотооддоо гангийн үйлдвэр байгуулна гэж судалж, суралцаж ирснээ ажил хэрэг болгон явж байна.Ган үйлдвэрлэнэ гэдэг олон үе шаттай юм билээ.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “Барилгын арматурын үйлдвэр” төсөл “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн зөвхөн нэг хэсэг нь юм. Анх энэхүү төсөл 2003 оноос эхэлсэн бөгөөд төмрийн хүдрийн олборлолт, хар металлурги, ган төмрийн чиглэлээр эрэл хайгуул, судалгаа шинжилгээний ажил эхлүүлж, энэ салбарт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байдаг. Ингэснээр 2007 онд Монгол Улсад анх удаа төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр, уурхайг барьж ашиглалтад оруулсан ба энэ үйлдвэр одоо ч Монгол Улс дахь хамгийн том төмрийн нойтон баяжуулах үйлдвэр болж байгаа юм. Монгол Улс жилдээ 8 сая орчим тонн төмрийн хүдрийг экспортолдог. Энэ үйлдвэр нь экспортод гаргаад байгаа төмрийн хүдрийн дараагийн шатны боловсруулалтыг хийдэг үйлдвэр гэсэн үг юм.

Дараа нь төмрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулах үйлдвэрийг 2009,2011 онд ашиглалтад оруулсан нь мөн л Монгол Улс дахь анхны шууд ангижруулсан төмрийн үйлдвэр болсон. Одоогоор энэ төрлийн үйлдвэр Монгол Улсад өөр байхгүй. Шууд ангижруулсан төмөр нь сайн чанарын гангийн түүхий эд болдог бөгөөд хаягдал төмрөөр ган үйлдвэрлэдэг цахилгаан нуман зуух, индукцийн зуухтай үйлдвэрүүдийн түүхий эд болох бүрэн боломжтой юм.

Шууд ангижруулсан төмрөөс гадна дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 70 орчим хувь үйлдвэрлэгддэг домен зуух, хүчилтөрөгчийн конверторын хослол бүхий технологийн гол түүхий эд болдог ширмийг 2014 онд Монгол Улсад анх үйлдвэрлэсэн. Дандаа л анхдагч нь болж байсан байгаа шүү дээ. Энэ бол аавын минь төдийгүй бидний бахархал.

Хөгжлийн банкнаас санхүүжилт авахаас өмнө бид эдгээр бүтээн байгуулалтуудыг хийж, 60 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийчихсэн байсан юм. Хөгжлийн банк нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу дэд төслийн хөрөнгө оруулалтын гуравны нэг хэсгийг л санхүүжүүлсэн. Үлдсэн хөрөнгө оруулалтыг компани өөрөө оруулах ёстой байсан бөгөөд үүнийхээ дагуу санхүүгийн зардлыг оруулахгүйгээр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан.

Үүний үр дүнд “Барилгын арматурын үйлдвэр”-ийн үндсэн барилга байгууламж, үндсэн болон зарим туслах тоног төхөөрөмжийг суурилуулаад байгаа бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай байна.

No description available.

Манай компани нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд үлдэгдэл хөрөнгө оруулалтыг оруулах боломжгүй болж, 2020 оноос удаа дараа төр засагт хүсэлт тавьж Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт авах хүсэлтээ өгсөн ч бүтээгүй. Дотооддоо хөрөнгө босгох боломжгүй, коронагийн халдвараас болж гадаад хамтрагчдаасаа тусгаарлагдсан болохоор төсөл маань зогсонги байдалд ороод байна.

-“Бэрэн групп” хүнд үйлдвэрийн чиглэлээр том том бүтээн байгуулалтуудыг хийж, одоо ч хийсээр байгаа юм байна. Хөгжлийн банкнаас авсан зээл ч дээрх төслүүдэд зориулагдсан байна. Гэхдээ Хөгжлийн банкнаас зээл авсан ихэнх компани барьцаа тавиагүй гэсэн асуудал үүсээд байгаа. Танай компанийн тухайд барьцаа хөрөнгө байршуулсан юм уу?

-Хөгжлийн банкнаас “Гэр хорооллын дахин төлөвлөлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй дэд төсөл болох “7 дугаар хорооллын Ё блокын 720 айлын орон сууцны барилга” болон “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн хүрээнд хэрэгжиж буй дэд төсөл болох “Барилгын арматурын үйлдвэр” төслүүдэд зориулж 11.7 сая ам.доллар болон 27.2 сая ам.долларын санхүүжилтийг 2014-2018 онд төслүүдийн ажлын гүйцэтгэлтэй уялдуулан үе шаттайгаар тус тус олгосон. Зээл тус бүрийн Зээлийн болон Барьцааны гэрээнүүд байгуулагдах үед Монголбанк болон Хөгжлийн банкны холбогдох дүрэм журамд нийцүүлэн зээл, барьцаа хөрөнгийн харьцааны шаардлагыг бүрэн хангаж, зургаан үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, ашигт малтмал ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл, 38 үл хөдлөх хөрөнгө, төслүүдийн хөрөнгийг барьцаалуулсан. Эндээс барьцаа хөрөнгө хангалттай тавьсан нь харагдах байх.

-Хөгжлийн банкнаас авсан хөнгөлөлттэй зээлийн талаар асуумаар байна. Зээлээ төгрөгөөр авсан уу, валютаар авсан уу?

-Манайх хөнгөлөлттэй зээл аваагүй, биенесийн зээлд хамрагдсан. Манайд олгосон Хөгжлийн банкны ам.долларын зээл нь 8.6 болон 9.3 хувийн хүүтэй, дээрээс нь нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцогдож байгаа. Зээлийг дан валютаар буюу ам.доллараар авсан. Барилгын арматур болон орон сууц нь дотооддоо борлуулагдаж, төгрөгийн орлого олох байсан тул анх төгрөгөөр зээл авах хүсэлт гаргаж байсан ч ам.доллараар зээл олгогдсон. 2014 онд ам.долларын ханш 1.700 орчим төгрөг байсан, харин одоо 3.000 төгрөг гараад явж байна, энэ бол асар их зөрүү. Одоогийн байдлаар зөвхөн үндсэн зээл дээр л гэхэд 30-аад тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээгээд байгаа. Цаашид ханш тогтворжихгүй бол дахин хичнээн хэмжээний ханшийн алдагдал хүлээхээ мэдэхгүй байна. Хөгжлийн банкинд хандаад ам.долларын зээлээ төгрөг рүү хөрвүүлэх хүсэлт гаргахад хүлээж авдаггүй.

-Танай зээл төлөх хугацаа хэдийд дууссан юм бэ?

-Гангийн үйлдвэр дээр авсан зээлийн хугацаа дуусаагүй байгаа. Харин Хангай хотхоны Ё блокт зориулсан 11.7 сая ам.долларын зээлийн төлөх хугацаа 2021 онд дууссан болохоор энд зээл төлөгдөөгүй гэх асуудал үүсээд байгаа юм.

Одоо Хөгжлийн банкин дээр үүссэн асуудал юу вэ гэхээр зээлээ зориулалтын бусаар зарцуулсан уу, зээл авахдаа авлига хээл хахууль өгч, хууль бусаар авсан уу гэж шалгаж байгаа. Бидний буруу болоод байгаа зүйл гэвэл барилга дээр авсан зээлийнхээ тодорхой хувийг гангийн үйлдвэртээ оруулсантай холбоотой. Үнэндээ хавар дөрөвдүгээр сард хүссэн зээл маань өвөл 11 дүгээр сард шийдвэрлэгдсэн. Өвөл манайд барилгын ажил зогсдог болохоор өндөр хүүтэй зээлээ тэр чигт нь таван сар хадгалаад байх боломжгүй. Бизнесийн зарчмаараа л групп дотроо гангийн үйлдвэр рүүгээ зээлийн тодорхой хувийг шилжүүлсэн хэрэг.

Уг нь энэ асуудлыг Эрүүгийн хуулиар биш, Иргэний хуулиар маргаан өрнүүлж шийдэх ёстой юм. Учир нь зээл авах, зээлээ зориулалтын бусаар ашиглана гэдэг эрүүгийн гэмт хэрэг биш, Иргэний хуулиар шийдвэрлэгдэх харилцаа. Иргэний хуулиар бол гэрээний эрх зүйн асуудал юм. Яагаад гэвэл манайх зээлийн хөрөнгөөр Хангай хотхоны Ё блокийн зургаан барилгын гурав нь баригдаж дуусаад улсын комисст хүлээлгэж өгөх гээд явж байна. Гурав нь баригдаж, үйл ажиллагаа маань үргэлжлээд явж байна шүү дээ. Зээлээ дотооддоо бус хаа хамаагүй өөр компани, хувь хүнд өгчихсөн бол өөр хэрэг.

-Та аавыгаа цагдан хоригдсоноос хойш очиж уулзсан уу?

-Манай ээж нэг л удаа уулзаж чадсан, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа. Цагдан хорих байгууллага нь мягмар, лхагва гаригуудад л ажлын цагаар уулзуулдаг юм байна. Тэр өдрүүдэд нь мөрдөгч зөвшөөрөл өгөхгүй байсаар ажлын цагийг нь өнгөрөөдөг. Уулзалтын зөвшөөрөл хүсээд АТГ-ын үүд сахиад суухаар, утсаар залгахаар л ирж бай гэдэг. Утсаар залгахгүй байсаар 461 дүгээр хорих анги руу очиж амжихгүйг мэдсээр байж ажлын цаг дуусах дөхсөн үед залгадаг. “Одоо очиход угаасаа оруулахгүй байх даа яах вэ” гэхээр та нар өөрсдөө уулзахаас татгалзсан шүү гээд утсаа тасалчихдаг.

Хуульд зааснаар шүүхээс хүнийг цагдан хорих үндсэн хугацаа нь нэг сар байдаг юм байна лээ. Аавыг анх цагдан хорих шийдвэр гаргахдаа эрүүл мэндийн байдлаас нь хамаарч нэг сар цагдан хорих боломжгүй гээд 20 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Миний аав 2017 онд ходоодны хорт хавдрын мэс засал хийлгэсэн. Дээр нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болохоор хоолны нарийн дэглэм барьдаг. Мөн зүрх өвддөг учраас эмчийн хяналтад байдаг хүн л дээ.

Тэгээд 20 хоногийн хугацаа нь дуусаад суллагдсан, тэгтэл маргааш нь Б.Мөнхтөр суллагдсан гэсэн мэдээ гарангуут, тэр өдрийнхөө маргааш нь буцаагаад бүр 30 хоногоор цагдан хорихоор шийдвэрлэсэн.


-Цагдан хорих хугацааг сунгасан шалтгаан нь юу юм бэ?

-Анх цагдан хорихдоо“гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар мэдээ байгаа” гэсэн шалтгаанаар хорьсон, үүн дээр бид үнэхээр гайхаж байсан. Монгол Улсад ямар хачирхалтай систем үйлчлээд байна вэ. Манай аав улс төрөөс ангид, хол байдаг, бизнесмэн хүн. Бизнес хийдэг хүн бүр л банкнаас зээл авдаг. Зээл авна гэдэг гэмт хэрэг биш. Манай компани өөр банкнаас ч зээл авч байсан. Зээлийн зөрчил үүсч байсан ч, зээлээ бүрэн төлж барагдуулдаг байсан. Энэ бүхэн бол гэрээний эрх зүйгээр зохицуулагддаг харилцаа болохоос Эрүүгийн эрх зүйгээр явдаггүй. Хөгжлийн банкны хувьд улс төрийн тоглолт давхар явж байна гэж харж байна.

Бэрэн бол яалт ч үгүй том зээлдэгч. Барилга, гангийн үйлдвэр нийлээд Хөгжлийн банкнаас 38 сая долларын зээл авсан, тухайн үеийн ханшаараа 83 тэрбум төгрөг. Зээлийн хүү болон ханшийн алдагдал гээд бүгд нийлээд одоогийн ханшаар бодоход 160 гаруй тэрбум төгрөг төлөхөөр болж байна.Бидний авсан зээл тодорхой, эргэн төлөх нь ч тодорхой байсан болохоор биднийг шалгана гэхэд айж сандарсан зүйл байгаагүй. Манай санхүүгийн захирлыг нэг удаа дуудаж мэдүүлэг авсан байсан.Ер нь тэгээд коронагийн хөл хорио, ханшийн өсөлтөд компаниуд буруугүй шүү дээ.

Дахин 30 хоногоор цагдан хорихдоо хэрэг нь “ээдрээ төвөг ихтэй” гэдэг үндэслэлээр хорьсон. Ээдрээ төвөгтэй гэдэг нь үнэхээр ойлгомжгүй. таван жилийн өмнө авсан зээл шүү дээ. Санхүүгийн бүх мэдээллээ бид мөрдөх байгууллагад гаргаж өгсөн. Одоо шалгаж байгаа хэрэг нь аавтай ямар ч хамааралгүй өөр хүнийг 2018 оноос эхлэн шалгаж байсан гэж ойлгосон. Тэгээд бүтэн дөрвөн жил шалгахдаа нэг ч удаа аавыг маань дуудаж мэдүүлэг аваагүй байснаа гэнэт л яллагдагчаар татаад, цагдан хорьсон.

-Анх шууд л цагдан хорьсон хэрэг үү?

-Миний аав арматураа яаралтай гаргахын тулд амь биеэ үл хайрлан Эрдэнэт хотод очиж байрлан үйлдвэрээ асаагаад гар бие оролцон ажилладаг болсон. Нэг өглөө би сайтаас Бэрэнгийн Мөнхтөрийг цагдан хорих боллоо гэдэг мэдээг уншсан. Яг тэр өдөр нь аав Эрдэнэтээс хот руу ирж таарсан юм. Замд явахад нь утасдаж сайтаас уншсан мэдээллээ хэлсэн. Уг нь бол хүнийг цагдан хорих шийдвэрийг зөвхөн шүүх л гаргадаг, тэгтэл цахим сайт дээр шүүхийн шийдвэр гарахаас нь өмнө мэдээлэл оруулчихсан байсан. Тухайн хүнд өөрт нь мэдэгдсэн байх ёстой байтал аав огт мэдээгүй байсан. Тэр орой нь аав анх удаа АТГ-т мэдүүлэг өгсөн. Маргаашнаас нь сайтуудаар “Бэрэн группийн Мөнхтөр сугараад үлдчихлээ”,“Шүүгч нар авлига аваад цагдан хорихгүй байна”,“Мөнхтөрийг Эрэн сурвалжилж байна” гэх мэт хачирхалтай мэдээллүүд гараад эхэлсэн. Ийм л зохион байгуулалттай, нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц худлаа мэдээлэл санаатайгаар нийгэмд цацаж, үйл явдлууд өрнөсөөр байгаад дараа долоо хоногт нь аавыг хорьсон.

-Уг нь бол цагдан хорих гэхээсээ илүү зээлээ төл гэж шахсан бол илүү үр дүнтэй байж мэдэх юм…

-Ер нь компанийн хамгийн гол, үйлдвэрлэлийн төслийг өөрөө гардан боловсруулж, бүхий л техник технологи, шат дамжлага, зохион байгуулалтыг гардан удирдаж байгаа хүнийг нь цагдан хорьчихоор үйлдвэрийн ажил яаж сэргэж, өр зээлээ дарах билээ дээ. Өмнө нь уг хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн мэдүүлэг аваагүй, банкнаас шаардлага энэ тэр ирээгүй байж шуудхан л барьж хорьж байгаа нь цаанаа ямар нэгэн зорилго байна уу гэж хардахад хүргэж байна. Хөгжлийн банк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зөвлөлдөөд “Бэрэн металл” ХХК-ийг ямар ч байсан тавдугаар сард үйл ажиллагааг нь эхлүүлье гэж ярьсан юм билээ. Одоо тэр ажил хэцүү байдалд орж байна. Манай компанийн бүхий л дансыг хаасан, хөрөнгийг битүүмжилсэн байгаа. Тэр бүү хэл, манай хүүхдийн хадгаламжийн дансыг хүртэл хаасан нь хачирхал төрүүлж байна. Манай дүү тархины хорт хавдрын дараахь урт хугацааны эмчилгээнд байдаг талаар түрүүн ярьсан. Одоо компанийн болоод бидний бүх дансыг битүүмжилсэн болохоор дүүгийн эмчилгээний төлбөрийг ч төлөх боломжгүй болоод байна. Одоо дүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна.

Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг нэрийн дор хүний эрхийг хөсөр хаяж, нэг компани, нэг гэр бүлийг тэр чигт харлуулах, айлгах ажиллагааг давхар хийгээд байна уу даа гэж харж байна. Манай компани зээл авсан нь үнэн, зээлийн төлөх хугацаа хэтэрсэн нь үнэн. Гэхдээ энэ зээлээ бүрэн төлж барагдуулах нь ч үнэн. Бид залилан хийгээд оргон зугтаагүй, гэмт хэрэг хийгээгүй.

“Ковид-19” цар тахал өвчин гарч, Монгол Улс хил, гаалиа хаах хүртэл манай компани боломжийн хэрээр ажиллаж, зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Харин ковид өвчин гарсны дараа манай улсын бизнесийн бүхий л үйл ажиллагаа доголдолд орсон. Энэ талаараа ч зохих байгууллагад нь мэдэгдэж байсан юм.

Аавын минь насны мөрөөдөл Монгол Улсыг гангийн үйлдвэртэй болгох, тэр ч утгаараа амнаас нь дандаа ган үйлдвэрлэл гэх үг цухуйж, сүүлийн 20 гаруй жил энэ талаар судалгаа хийж өдөр, шөнөгүй үйлдвэрийн төсөл дээрээ ажилласан. Ийм том мөрөөдөлдөө хүрэхийн тулд төдийгөөс өдий хүртэл бүхий л хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө Гангийн үйлдвэр байгуулахын төлөө зарцуулсан, одоо ч зүтгэсээр явна. Ганц хувь хүн, хувь компанийн төлөө биш, Монгол Улсдаа хэрэгтэй бүтээн байгуулалт хийхээр зүтгэж яваагийнх нь төлөө аавыг маань барьж хорьж, шийтгэж байгаад аавынхаа өмнөөс цөхөрмөөр ч юм шиг. Хэрэв бид бусад бизнесээ хийгээд, хувиа бодоод явж байсан бол ийм байдалд орохгүй байсан даа гэх бодол ч хааяа төрөх л юм. Бид бусад компанийн бүх ашиг орлогоо гангийн үйлдвэр рүүгээ оруулдаг байсан.

-Одоо юуны түрүүнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ. Мэдээж, хугацаа хэтэрсэн зээлээ төлөх ёстой байх?

-Юуны өмнө арматурын үйлдвэрээ ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа эхлэх хэрэгтэй байгаа. Гангийн үйлдвэр Монгол Улсад ашиглалтад орвол ямар ач холбогдолтой вэ гэдгийг мэргэжлийн хүмүүс нь мэднэ байх аа. Манай үйлдвэр эхний ээлжинд 100 мянган тонн арматур үйлдвэрлэх хүчин чадалтай, цаашид хүчин чадлаа нэмж 200 мянган тонн хүртэл арматур үйлдвэрлэх боломжтой. Манайх өнөөдөр арматураа гадаадаас авч байна. Саяхан буюу 2020 онд арматур тонн нь1.900.000төгрөг байсан бол одоо 3.400.000 төгрөг болж өссөн байна. Үүнийг дагаад 2020 онд байсан байрны үнэ өнөөдөр 40 хувь өсчээ. Энэ бол шууд арматур тэргүүтэй барилгын материалын үнийн өсөлттэй хамааралтай өсөлт. Хэрэв бид арматураа дотооддоо жилд 100 мянган тонныг үйлдвэрлээд эхэлбэл дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг нь хангана гэсэн үг. Дотоодын анхдагч түүхий эд дээр түшиглэх учраас гадаадын зах зээл дээрх гангийн үнийн хэлбэлзэлтэй хамааралгүйгээр арматурын үнийг тогтвортой байлгах бүрэн боломжтой.

Арматурыг нэг тонныг нь 1.000 доллар гэж бодвол 100 мянган тонн арматур эхний ээлжинд дотооддоо үйлдвэрлэхэд 100 сая ам.доллараа бид гадагшаа урсгахгүй байх боломж бүрдэх юм. Арматурын үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор бүх шатны үйлдвэрүүд нийлээд 1.500 ажлын байр бий болно, дагалдаж бий болох жижиг кластер үйлдвэрүүд гээд нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө асар их юм. Наад зах нь л гэхэд 1.500 ажлын байрны цаана тэр тооны өрх гэрийн орлого нэмэгдэж, амьжиргаа дээшилж байх жишээтэй.

No description available.

-Арматурын үйлдвэрээ ашиглалтад оруулахын тулд одоо хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа вэ?

-Өмнө хэлсэнчлэн Хөгжлийн банкнаас дэд төслийн гуравны нэгийг л санхүүжүүлсэн. Бид нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Үйлдвэрийг дуусгахын тулд бүхий л нөөц бололцоогоороо хөрөнгө оруулалтаа хийсэн, үлдэгдэл хөрөнгө оруулалтыг хийх боломж үнэхээр дууссан.

Үе үеийн Засгийн газар манай үйлдвэрийг стратегийн ач холбогдолтой үйлдвэр гээд дэмжиж ажиллана л гэдэг. Яг бодит дэмжлэг болсон юм бол байдаггүй. Бидний алдаа юу байсан бэ гэхээр Засгийн газар нь дэмжээд үлдэгдэл хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ гэж найдсан юм. Уг нь төсөлд Хөгжлийн банкнаас 55 тэрбум төгрөг, компаниас 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн, үйлдвэрийг дуусгахад 25 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа юм.

Монголбанкны журам, банкуудын ажиллаж буй зарчмаараа бол чанаргүй зээлтэй бол дахин зээл авах боломжгүй байдаг. Тиймээс үйлдвэрийг дуусгах санхүүжилтийн асуудал хүндрэлтэй байгаа.

-Дахин зээл авах боломж байхгүй юм бол хөрөнгө оруулагч олох боломж байгаа юу?

-Энэ үйлдвэр, үйлдвэрлэх бүтээгдэхүүн маань Монгол Улсын хувьд стратегийн ач холбогдолтой учир гадаадын хөрөнгө оруулалт татахаасаа бид зайлсхийдэг байсан. Гэхдээ санхүүжилтийн өөр хувилбаргүй болсон учраас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж, үлдэгдэл хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны зээлийг төлөх, үйлдвэрлэл эхлүүлэхэд шаардлагатай эргэлтийн хөрөнгөд зориулж хөрөнгө оруулалт авахаар яриа хэлэлцээр хийгдэж, гэрээ хэлцэл рүүгээ ороход бэлэн болж байсан. Гэвч Хөгжлийн банкны асуудал үүсээд, улс төрийн эрсдэл бий болсон тул хөрөнгө оруулагчийн зүгээс нөхцөл байдлыг ажиглаад гэрээ хэлэлцээр маань зогсонги байдалд орчихлоо.

Ер нь Хөгжлийн банкны энэ шуугиан бизнест маш сөрөг, хортойгоор тусч байна. Хангай хотхны Ё блокийн барилгын борлуулалтад ч сөргөөр нөлөөлж байна. Банкны барьцаанд байгаа орон сууцаа борлуулах гэж байна гээд манай харилцагч, худалдан авагч, нийлүүлэгчид гээд маш олон түвшинд харилцааны болон үйл ажиллагааны доголдолд оруулж байна.

-Хангай хотхоны борлуулалт гэлээ, танай компани барилгаа ашиглалтад оруулчихсан юм уу?

-Тийм, сүүлийн хоёр жилийн цар тахлын нөлөөтэй хөл хорио, хил гаалийн асуудал, барилгын материалын үнийн өсөлт зэрэг олон хүндрэл бэрхшээлийг давж, Хангай хотхоны Ё блокийн 360 айлын орон сууц ашиглалтад оруулахад бэлэн болгосон байгаа. Бид Хөгжлийн банктай зөвшилцөөд борлуулалтыг эхлүүлэн, зээлийн эргэн төлөлтийг хийхээр хамтран ажиллаж байгаа. АТГ-аас компанийн бүх хөрөнгө, дансыг битүүмжилчихсэн болохоор борлуулалтаа эхлүүлж, зээлээ төлж эхлэх боломжгүй болоод байгаа юм.

-Өнгөрсөн хоёр жилд коронавирусийн улмаас бизнесийн байгууллагууд маш их хүндрэл бэрхшээлтэй тулсан. Танай компанийн хувьд байдал ямархуу байв?

-2019 оноос ковид гарч, Монголд төдийгүй дэлхий нийтээрээ л тэг зогсолт хийлээ. Ковидын хоёр жилд манай үйл ажиллагаа зогссон. Ялангуяа барилгын салбарт үнэхээр хүнд хэцүү, хохиролтой үе байлаа. Ер нь хувийн хэвшилд их хүнд туслаа. Хил гааль хаагдлаа, дотоодын хөл хорио гээд биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлүүд гарсан. Хоёр жилийн хөл хорионы үеэр бидний авсан өндөр хүүтэй зээлийн хүү нь бодогдоод л явж байсан. Иргэд, байгууллагын цахилгаан, ус, дулаан зэргийг төр даагаад, хөнгөлөөд явж байгаа бол банкны зээлийн хүү зогсолтгүй л явж байгаа. Манай компанийг

дараатай төлөөд явах бүрэн боломж бий.

Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд Хөгжлийн банкнаас манайхтай ямар ч харилцаа тогтоогоогүй. Манайхаас явуулсан албан бичгүүдэд хариу өгдөггүй байсан. Яагаад ингэж холбогдоогүйг нь одоо бодоход өнөөдрийн асуудал л үүсэх гээд байж. Их олон муу зээлдэгчтэй, тэрийгээ зөв цагт нь зарлаж улс төр хийх гээд байжээ л гэж харж байна. Үнэндээ зээл өгсөн банк нь харилцахгүй, өрөө нэхэхгүй байсан. Зээлээ төлөх нь үнэн тул бид барилгын ажлаа үргэлжлүүлээд одоо ашиглалтад оруулж байна гэсэн үг шүү дээ.

-Энэ үеэр гангийн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт чинь явсан уу?

-Бүтээн байгуулалт гэхээсээ илүүтэйгээр үйлдвэрлэл явагдсан. Бид уурхай болон баяжуулах үйлдвэр, ширэм үйлдвэрлэх домен зуухыг ажиллуулах бэлтгэл ажлаа хангасан. Мөн шууд ангижруулсан төмөр болон коксын үйлдвэрлэл явуулж байна. Үйлдвэрлэсэн кокс дээрээ түшиглэн вагроник зууханд ширэм үйлдвэрлэн БНСУ руу бага хэмжээгээр экспортолж эхэлсэн. Өмнө бид БНСУ болон БНХАУ руу экспортолж байсан туршлагатай.

Их хэмжээгээр экспортод гаргая гэхээр нэг асуудал үүсээд байдаг нь төмөр замын тээвэр юм. Яагаад гэхээр бидэнд вагон олддоггүй. Уг нь экспортолж чадвал Монгол Улсад л валют орж ирэх юм. Үйлдвэрлэл явуулаад экспортолъё гэхэд вагон олдохгүй байна гэхээр Монгол Улс маань яаж хөгжих вэ.

Бүгд хэн нэгний мэдэлд, монополь эрх мэдэлтэй болсон байдаг. Үүнээс гадна хил гааль дээр асуудал үүснэ. Заавал хэн нэгэн том хүнийг танихгүй л бол бизнес хийхэд маш хэцүү болсон. Хувийн хэвшилд ажилладаг хүмүүс бүгд л ийм байгаа. Өнөөдөр Монгол Улс яагаад валютын хомсдолд орж байна вэ. Адаглаад л вагоноороо юм зөөж гаргаж чадахгүй байна шүү дээ. Ийм байхад манай эдийн засаг хэцүүдэх нь аргагүй. Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч нь импортын өндөр өртөгтэй тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүнд хязаарлалт тавих талаар яриад байна лээ. Монголчууд ингэж амьдрах ёсгүй. Төрөөс хүнд үйлдвэрүүдийнхээ боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортод гаргахад дэмжлэг үзүүлж байвал, валютын орж ирэх урсгал нэмэгдэнэ. Хүмүүс нь мөнгөтэй болно. Мөнгөтэй бол бид гаднаас дуртай зүйлээ авч чадна. Ингэж ажиллахын оронд гаднаас юм битгий ав гээд байж болохгүй. Гадагшаа экспорт хийх арга зам, гарц гаргалгаагаа олох, хувийн хэвшлээ унагах биш, дэмжиж ажиллах л чухал байна.

-Засгийн газраас дэмжлэг үнэхээр үзүүлдэггүй гэж үү?

-Засгийн газар, холбогдох яамдууд нь дэмжих талаар бол ярьдаг, гэхдээ яг хөрсөн дээрээ бууж чаддаггүй. Жишээлбэл, Шинэ сэргэлтийн бодлогыг шинээр гаргаж байна. Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогоор хэрэгжүүлэх 72 төсөл яригдаж байгаа. Үүнд Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр төсөл багтсан. Үүнтэй холбогдуулан яг ямар бодит ажил хийгдэхийг мэдэхгүй байна.

Хөгжлийн банкны удирдлагууд солигдож, шинэ удирдлагуудтай болсон. Үүний дараа “ “Бэрэн групп” ХХК-ийг дампууруулна, барьцаанд байгаа хөрөнгийг нь улсад авна” гэсэн яриа гарсан. Энэ юу гэсэн үг вэ. Бидний хичнээн жилийн хүч хөдөлмөрийн үр дүнгээр бий болсон компанийг үнэгүйдүүлж, төр хувийн өмчийг нэг дуулианаар далимдуулан авах гээд байгаа юм уу. Яг ямар зорилгоор, хаанаас ийм үг яриа гаргаад байдаг юм бол гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Зээлээ төлүүлэх гээд байгаа юм уу. Хөрөнгийг нь хурааж авах гээд байгаа юм уу, ойлгомжгүй байна. Бид нэгэнт том бүтээн байгуулалт эхэлсэн юм чинь, үлдэгдэл хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрээ ашиглалтад оруулчихвал зээлээ төлөхөд асуудалгүй болно.

Ер нь яагаад Монголд гангийн үйлдвэрийг байгуулуулахгүй гээд байгаа юм. Хэнд ашигтай болоод зогсоох гээд байгаа юм гэсэн хар төрж байна.

-Таны яриаг сонсож байхад компани хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа юм байна. Цаашид яах бол…

-Бидний хувьд хүнд гэмт хэрэг үйлдээгүй, залилан хийгээгүй гэж дээр хэлсэн. Дахиад ч хэлье. Бизнес хийж байгаа хүн зээл авдаг. Энэ бол гэмт хэрэг биш. Бид зээлээ төлөх бүрэн боломжтой. Бид ор хоосон зүйл яриад суугаа юм биш, гангийн үйлдвэр маань 85 хувийн гүйцэтгэлтэй яваа. Баасан гаригт Монгол Улсын Ерөнхий сайдын УИХ-д хийхээр бэлтгэгдсэн мэдээлэлд “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр”-ийн Арматурын үйлдвэрийг хөрөнгө оруулалтаар дэмжиж ашиглалтад оруулна” гэсэн байна лээ. Энэ асуудлыг хэлэлцэх явцад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гуай УИХ-ын гишүүдийн асуултад Эрдэнэтийн “Арматурын үйлдвэрийг ашиглалтад оруулах ёстой” гэж хариулж байсан. Энэ нь өнөөдрийг хүртэл хямарч яваа сэтгэлд бага ч гэсэн гэрэл гэгээ оруулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гуай ч манай үйлдвэрийн талаар сайн мэдэж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа манай үйлдвэртэй танилцаж, хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэж байсан.

Монгол Улс чөлөөт эдийн засагтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан улс. Монголын төр хувийн хэвшлээ, бизнес эрхлэгчдээ аль болохоор дэмжин, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа даван туулахын тулд хамтдаа хичээж зүтгэх хэрэгтэй. Түүнээс биш айлгаж сүрдүүлдэг, барьж хорьдог, хөрөнгийг чинь хураана шүү гэж дарамталдаг ийм системээсээ зайлсхиймээр байгаа юм. Их олон жишээ, олон үйл явдал бидний нүдэн дээр өрнөж байна. Ажил хийсэн хүн хохирдог нийгэмд бид амьдармааргүй байна. Аавын минь олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, сэтгэл зүрхээ зориулсан ажлыг нь үнэгүйдүүлэх, үгүйсгэх оролдлогуудын эсрэг би тууштай тэмцэх болно. Үр хүүхдийнх нь хувьд ч, шударга нийгэмд амьдрах хүсэлтэй залуу хүний хувьд ч, “Бэрэн” группийн нэг эд эсийн хувьд ч энэ бол миний үүрэг юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ингэтэл хулхидах ч гэж дээ || DNN.mn

Хэдэн жилийн өмнө бичил хорооллын хойд талын байрны урд байшин барихаар нүх ухаад эхлэв ээ. Оршин суугчид нь эсэргүүцээд бөөн юм болов. Гэтэл тухайн барилгын эзэн бололтой нэг эрхэм гарч ирээд “Хүүе ээ, энд архинаас гаргах төв барих гэж байгаа юм аа. Хүмүүст хэрэгтэй шүү дээ. Эргэн тойронд маань архинд орсон хүмүүс зөндөө байна” гэж уяртал донгодоод хүмүүсийн эсэргүүцлийг нам дарсан юм. Бас болоогүй ээ, барилгынхаа эргэн тойронд “Архинаас гаргах төвийн байр” гэсэн том бичиг нэмж хадлаа. Өнөөдөр тэнд дөрвөн давхар хүнсний дэлгүүр ажиллаж байна. Юун архинаас гаргах төв бэ. Харин архи зардаг болсон.

120 мянгатын шар байрнуудын дунд хэдэн жилийн өмнө бас л нүх ухаад эхэлсэн. Мэдээж, оршин суугчид эсэргүүцээд жагсав. Хорооноос хүмүүс ирж “Наана чинь хороо болон эмнэлэг, цагдаа байрлах жижигхэн хоёр давхар байр барих юм. Та нарт төрийн үйлчилгээ ойртож байна. Байшин сүүдэрлэж нар халхлахгүй” гээд ухуулав. Үнэхээр тэнд хорооны хоёр давхар шар байшин барьсан л даа. Гэхдээ дэргэд нь 12 давхар орон сууцны байр зэрэгцээд сүндэрлэн боссон юм.

Хотын төвд сүндэрлэх Шангириллагийн байрыг барихад анх мөн л худлаа ярьсан. Цэцэрлэгт хүрээлэнгийн өргөтгөл энэ тэр гэж бурсан. Дуурийн театрын урд талын өндөр шилэн барилгыг бариулахгүй гэж эсэргүүцэхэд мөн л молгидож дөнгөсөн. Төв талбайн урд хачин гоё, орчин үеийн усан оргилуур барина гээд машинаар усаа зөөж ажилладаг нэг юм хийсэн.

Эдгээр бол зүгээр л жишээ. Эрх баригчид байнга л худлаа ярьж, анх ярьснаасаа эсрэгээрээ ажилладаг. Ингэж хулхидуулсаар байгаад хаширчихсан иргэд нь Хүүхдийн паркийн хашааг аваад эхлэхээр есөн шидээр нь хардаж сууна. “Барилга барихгүй, цэцэрлэгт хүрээлэн болгоно” гэж дарга нар нь ам тангаргаа өгөөд байхад итгэхгүй. Төдийгөөс өдий хүртэл хулхидуулсаар ирсэн хүмүүс итгэхгүй байх нь аргагүй. Харин барим тавим цэцэрлэгт хүрээлэн нүдэн дээр нь босвол л нэг юм итгэж тайвшрах байх даа.

Ард түмнээ ингэтэл хулхидах ч гэж дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хаврын үнэр || DNN.mn

Хаврын үнэр гэхээр нэг их гоё чийг, бороо, нахиалж буй моддын үнэр санагдаж байна уу.

Эсвэл шороо ч юм уу. Үнэндээ Улаанбаатарын хаврын үнэр энэ бүхнээс хол зөрнө. Хаврын урь орж, хөлдүү бүхэн гэсэхээр Улаанбаатараас өмхий самхай үнэртдэг. Хашаа, байшингийн өнцөг булан бүрээс гэссэн ялгадсын үнэр ханхалдаг.

Хотын төвдөө хүртэл шүү. Эрчүүд нь давсагаа чинэрэхэд 00 хайхаас илүүтэй, булан тохой барааддаг энэ үзэгдэл хэзээ алга болох юм бүү мэд. Өнөө Зөрчлийн хууль энэ тэр нь олны нүдэн дээр буруу хараад бие засч байгаа эрчүүдэд үйлчилдэггүй. Улаанбаатарт нийтийн ариун цэврийн газар ховор, үйлчилгээний байгууллагууд нь ариун цэврийн өрөөгөө тас цоожилдогтой ч холбоотой.

Өнөөдөр ханиад томуу дэлгэрч эмнэлгүүд хүүхэд багтаах зайгүй ачаалалтай байна. Өнөө л ор олдохгүй хүүхдээ тэвэрсэн эх эмнэлгийн коридорт хэвтэж, хөл толгойгүй хөлхөж байна.

Энэ их ханиадны үүсэл шалтгаан магадгүй “Улаанбаатарын үнэр”-ээс үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Өөр ямар ч өвчний үүсгүүр болж бидний хамар амаар орж биед сууж байгааг таашгүй юм.

Тиймээс энэ үнэрийг дарж ариутгах ажлыг хотын захиргаанаас дариухан эхэлмээр санагддаг. Байшингийн булан тохой бүрийг ариутгаж, угаамаар байна. Тухайн хашаа, байшинг хариуцдаг хувь хүн, албан байгууллагууд, СӨХ нь энэ ажлыг хялбархаан хийчихнэ. Хот харин хяналтаа тавихад л болох юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-д байтугай маньд хэрэггүй хүмүүсээ хөөгөөд л болоо юу?

Хөгжлийн банкнаас зээл аваад эргэн төлөлт хийгээгүй компаниуд, улстөрчдийн нэрс ил боллоо. Хууль хяналтынхан эхнээсээ шалгаж барьж хориод эхэлсэн шуугиан сүүлийн өдрүүдийн онцлох мэдээлэл байна. Зээлдэгчид нь эрх баригч МАН-ын гишүүд л дээ. Гэтэл МАН-ын хяналтын хороо хуралдаж Ж.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир нарыг намаас хөөжээ. Мөн хэдэн хүнийг Бага хурлын гишүүнээс хассан. Тэгээд болоогүй зээл аваад төлөөгүй одоогийн найман гишүүнээрээ гэмшлийн захиа бичүүлсэн болоод асуудлыг шийдсэн болж хэл ам дарах төлөвтэй харагдаж байна. Хөөсөн гээд байгаа хэд бол МАН-д бүү хэл маньд хэрэг болохоосоо өнгөрсөн хүмүүс гэж нийтээрээ шоолон ярьж байна. Үнэхээр ч гэмт хэрэгт орооцолдож ял авсан, улс төрийн карьераа аль хэдийнэ дуусгасан хүмүүсээ намаасаа хөөсөн болж жүжиглэлээ. Үнэндээ бол УИХ-ын гурван гишүүний 33 тэрбум төгрөг, банкнууд, гишүүдийн хамаарал бүхий компаниудын талаар л дурдаж, тэдэнд хариуцлага тооцох байх гэж харж байтал огт эсрэгээрээ жүжиг тоглов.

Хөгжлийн банкны энэ шуугиан даргынх нь мэдэгдлээр гэнэт л дэлбэрээд гараад ирсэн. Засгийн шууд мэдэлд байдаг банкны захирал дур зоргоороо аашилж, бодит байдлыг дэлгэж чадахгүй, мэдээж зорилготой мэдээлсэн.Араас нь МАН-ын УИХ дахь 60 гаруй гишүүн бүгд л сөрөг хүчин мэт оволзлоо. Бүгд л шүүмжилж, хариуцлага нэхэж байгаа харагдана.

Яагаад эд нар ингэж их идэвхтэй шүүмжлээд байна гэдэг нь ч учиртай агаад инээдтэй. Учир нь Хөгжлийн банкны хэрэг тэртэй тэргүй тун удахгүй илрэх байсан юм. 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлийн өдрийн байдлаар 4 их наядын активтай байсан тус банкны зээлийн өрийн үлдэгдэл цэвэр дүнгээр 2.1 их наяд төгрөг болжээ. Асар их хэмжээний мөнгө зээлчихээд эргэн төлөлт нь таг болчихсон. Тэгэхээр Хөгжлийн банк 800 орчим сая ам.долларын гадаад бондын эргэн төлөлтөө ирэх жил яагаад ч хийж чадахгүй. Мэдээж энэ мэдээлэл нийтэд ил болно. Гэнэт л Хөгжлийн банкаа юу ч үгүй цөлмөсөн гээд мэдээлэл задраад ирвэл МАН-д сонгуулийн өмнөх маш том цохилт болох нь ойлгомжтой юм. 

Тиймээс тэгж илчлэгдэхээс өрсөж Хөгжлийн банкнаас чанаргүй зээл авсан гишүүддээ МАН хариуцлага тооцсон дүр эсгэж жүжиглэж эхэллээ. Энэ жүжиг энгийн масст таалагдахаар уран гэж жигтэйхэн. Үүний цаана эрх баригчид өөрсдөдөө тун ашигтай шийдвэр гаргажээ. Сайд, даргад горилсон илүү санаатнуудаа нам дарж авав. Миеэгийн төлөөлөл гэх мэт өөрсдийнхөө эсрэг фракцийнхныг номхруулав. Шадар сайд болно гэж цамнасан С.Бямбацогтыгоо бас дуугүй болгож дөнгөлөө. Эрх баригчид ийм давхар давхар ашигтай жүжиг амжилттай дэглээд эхэлж явна. Тэд Си даргын Хөгжлийн галт тэргэнд суухын тулд л ийм тоглолт хийгээд байна уу даа. Энэ намын удирдлагууд Си даргын хэлдэг үгийг байнга давтаж жүжиглээд байх боллоо. Анзаараарай та нар, алтан хөршүүд, хөгжлийн галт тэргэнд суух тухай тэд үргэлж ярьж байгаа.

Эрх баригчид илрэх гэж байсан хэргээ ийн өөрсдөө өрсөн задалж гал хамгаалагч хийлээ. Тун ашигтай тоглолт. Жүжгийн оргил хэсэг нь АН угшилтай хэдэн хүнийг буруутгаж шоронд суулгах байх. Ингээд зогсох бодолтой байвал дажгүй эхэлсэн жүжгийн төгсгөл нь тун эмгэнэлтэйгээр дуусах болно гэдгийг хэлье. Зүй нь нэгэнт эхэлсэн л юм чинь АН, МАН-ын гишүүн гэлтгүй хариуцлага тооцох ёстой. Нийгэмд шударга ёс гэдгийг бодитоор тогтоох үүргээ эрх баригчид биелүүлэх хэрэгтэй байна. Си дарга авлигачидтай хатуу тэмцээд эхэлсэн. МАН-ын даргын хэлсэн үг ч бий, авлигачидтай тэмцэх нь намтайгаа тэмцэнэ гэсэн үг гэж. Энэ үгэндээ хүрвэл Монгол Улсад тун их ашигтай. Намын нэр хүнд ч эрс өснө. Ийм шийдлийг л Монголын ард түмэн хүсэн хүлээж байна. Шударга ёс гэдэг зүйл ус агаар мэт хэрэгтэй болсон өнөө үед эрх баригчид Хөгжлийн банкны хэргийг үнэн мөнөөр нь шалгаж, дахиж ийм хуйвалдаан хулгай гарахгүй болтол шийдэх хэрэгтэй байна. Төлөх ёстойг нь шударгаар төлүүл. Шийтгэх ёстойг нь шийтгэ. Хийж байгааг нь урамшуул. Ард түмэн ажиглан харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ явуулбал УИХ-д бараг цөөнх болно

Эрх баригч МАН хэдхэн хоногийн өмнө 30 дугаар их хурлаа хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинэчлэн сонгосон. Шинэ бүрэлдэхүүнд МАН-ыг удирдаж, Ерөнхий сайдын албыг хүртэл хашиж явсан М.Энхболд, Сү.Батболд нарын олон хүмүүс багтаагүй билээ. Энэ үйл явдлын учрыг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тайлбарласан байна. Тэрбээр өчигдөр өгсөн ярилцлагадаа “Авлига, албан тушаалын гэмт хэрэг, цаашлаад аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд улс төрийн намын халхавч дор нуугддаг, эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдлүүдийг таслан зогсоох алхам руугаа оръё гэж байгаа юм. Иймээс намын дүрэмд тодорхой заалтыг оруулсан. Дүрмээ хэрэгжүүлэх алхмаа хийгээд эхэлчихлээ. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээд МАН-ын аль ч шатны удирдах албан тушаал хашихгүй гэдэг дүрмийн заалт оруулсан. Жишээ нь, анхан шатны нэгжийн даргыг ийм хэрэгт холбогдсон этгээд хашихгүй заалттай боллоо. Бас дээрээс нь аливаа шатны сонгуульд МАН-ын нэрийн өмнөөс нэр дэвшихгүй гэдэг заалтыг оруулж ирж байна. Цаашлаад эдгээр хүмүүс МАН-аас улс төрийн дэмжлэг авахгүй” гэж ярьжээ. Тэгэхээр МАН энэ заалтаа яс бариад явбал шинэ уур амьсгалаар давлагаалах бололтой. Үүний эхлэл нь М.Энхболд, Сү.Батболд нарыг Удирдах зөвлөлөөс хассанаар илэрч байна. Зөвхөн энэ удаагийн хасагдсан хүмүүс биш, цаашид ч МАН дэмжлэг үзүүлэхгүй хүмүүстээ энэ заалтаа ил тод зарлаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан, бүр ял шийтгэл авч байсан хүмүүс ч МАН-ын нэрээр сонгуульд ялж, энэ намын нэрээр элдэв албан тушаал хашиж байгаа. Тэр хүмүүст зориулж намын генсек ингэж зарлалаа гэж харагдаж байна. Тэдгээр хүмүүсээс цөөхнийг хэлье.

Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж Жаргалтулгын Эрдэнэбатыг буруутган шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон. Харин жил гаруйн дараа түүнийг суллахдаа “Зарим шүүгдэгчдийн хууль ёсны эрхэд хууль бусаар халдсан байна” гэж дүгнэснээ шүүхээс танилцуулсан юм. Ингээд тэр шоронгоос гараад шууд УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Ё.Баатарбилэг гишүүн Архангайн Засаг дарга байхдаа авлигын хэргээр шалгагдан, хоригдож байсан нь энүүхэн хэдхэн жилийн өмнөх явдал.

УИХ-ын дарга Г.Занданшатар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гишүүн Ж.Мөнхбат нар Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт хамтдаа шалгагдаж, эгээтэй л ачигдалгүй үлдсэн.

Ш.Раднаасэд гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгож, олон хүнд ял завших боломж олгосон гэдэг. Түүнийг нөхөд нь “Ааяа” гэж авгайлдаг болохыг бид мэддэг болсон.

Сүхбаатарын Батболд гишүүний оффшор мөнгөний асуудлыг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн баг баримтаар гаргаад ирсэн.

Энэ мэт барим тавим баримтаас гадна олны ам дамжин яригддаг, хийсэн үйлдэл нь нэр хоч болон үлдсэн гишүүд бий. Дорнодын цахилгаан станцын төсөл, 10 сая ам.доллартай шууд нэр нь холбоотой хүн одоо ч Төрийн ордонд заларч байна.

Хотгор шанагын уурхайн тусгай зөвшөөрлийг ах дүүгээрээ дамжуулан гадныханд зарсан гэдэг хэл аманд холбогддог гишүүн, Тост, Тосон бумбын нурууныбайгалийн нөөц газарт уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг захирал гишүүн, Туул голын бургасыг огтолж барилга барьдаг гишүүн гээд одоогийн УИХ-д сууж байгаа олон хүний талаар ард түмэн мэддэг, дургүйлхдэг.

МАН энэ мэт алдааны цуглуулгуудаасаа бага багаар татгалзаж байгаагаа зарлалаа. Эхнээсээ татгалзаад байгаагууд нь тодорхой болсон. Ямар нэгэн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг ажил хийх чадваргүй гэж үзэж эхэлж байна. Харин авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бүх гишүүдээсээ татгалзвал хэтрүүлж хэлэхэд, УИХ-д цөөнх болох хэмжээний гишүүдтэй үлдэнэ гэдгээ нам удирдаж байгаа хоёр залуу тооцсон болов уу. Тооцсон ч эргэж буцахааргүй зоримог харагдаж байна.

Ийм эр зориг, ийм шинэчлэлийн салхи ханхлуулж байгаад нь МАН-ын шинэхэн залууудирдлагуудад талархах ёстой. Ажил хийх чадамж, чадваргүй хүмүүсээсээ эрхтхэн салбал намд төдийгүй Монгол Улсад хэрэгтэй. Монголчууд бидний амьдралд тустай юм. Авлига авбал, албан тушаалаа ашиглаж гэмт хэрэг хийвэл, ёс суртахуунгүй хогийн үйлдэл гаргавал таны улс төрийн карьер дуусдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг болбол нийгэм одоогийнхоосоо нэг алхам урагшилна. Намаар дамжин албан тушаал хашиж, авлига аваад баяжаад байдаг асуудал бага ч атугай цэгцэрнэ. Цүнх баригчдын үед төгсгөл ирнэ гэсэн найдлага төрж байна.

Тиймээс УИХ-ын сонгуулийг наашлуулж дахин зарлахад ч гэмгүй. Нэгэнт ажлын чадамжгүй хүмүүсээсээ эртхэн салж, холын замд хөл нийлж явах шинэ цагийн боловсон хүчнээ урин залах хэрэгтэй. Ажил эрт эхлэх тусмаа урагштай байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ардчилсан орнууд хориг арга хэмжээг хувь хүмүүст тавьдаг болно


Төрийн албанд ороод түнтийтлээ баяждаг, эрх мэдлээ ашиглан хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй хүмүүст тун халгаатай нэгэн мэдээлэл энэ сарын эхээр дэлхий нийтэд цацагдлаа.

Хүний эрх зөрчиж, авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгт холбоотой гадаадын албаны болон хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч эхэлнэ гэдгээ Жо.Байдены засаг захиргаа нээлттэй зарлалаа. Түүгээр ч зогсохгүй удахгүй болох Ардчиллын дээд хэмжээний уулзалтын үеэр бусад улс орнуудыг энэхүү хориг арга хэмжээнд нэгдэхийг уриална гэж Вашингтоноос мэдээлэв. Бусад орнууд гэдэгт 100 гаруй улс хамрагдана. Хориг арга хэмжээг үр дүнтэй байлгахын тулд олон улсын зохицуулалт хийхэд ихээхэн ач холбогдол өгнө гэв.

Төрд орж, дарга болж, хадгаламж нь дүүрэхийн хэрээр царай нь үргэлж ярвайлттай явдаг эрхмүүд дургүй нэгнээ хэлмэгдүүлэн шоронд хорих, бизнесийг нь булаах, бүр өөрийг нь шүүмжилсний төлөө шоронд хийж хашраах үзэгдлийг бид холоос хайх хэрэггүй. Өнөөдрийн Монголын дүр зураг харагдаж байна. Ийм дарга нар маань энгийн бидэндээ тун дээрэнгүй, дургүйгээ хүрэхээр Америкт очоод хэвтчихдэг, Хавайд очоод жаргачихдаг, ер нь үлгэрийн амьтад л даа. Дэлхийн маш олон оронд ийм хүмүүс байдаг. Гадаад ертөнцөд ардчиллын элч төлөөлөл болж малилзтал инээх тэдний эх орон өрөвдмөөр ядуу. Хаа очиж дэлхийн хөгжилтэй орны хүмүүс тэнэг биш болохоор тэднийг алган дээрээ тавьсан мэт харж суудаг. Тиймдээ ч мөрөөрөө ажлаа хийж чадахгүй бол дэлхий нийтээрээ авлигачид, хүний эрх зөрчигчдийн өмнө хаалгаа хааж байна. Тэднийг улс орондоо нэвтрүүлэхгүй байхаар үгсэн тохирч байна. Ийм гэмт хэрэгтнүүдийг тодорхойлохын тулд тухайн улсын жирийн ард иргэдээс нь асуух, эсвэл хүний эрхийн төлөө ажилладаг олон улсын байгууллагууд, авлигын эсрэг ажилладаг байгууллагуудаас санал авна. Энэ бол “Жалгын овгор” болохоо байсны илрэл юм. Эх орондоо нэр хүнд нь навсайтал унасан авлигачид гадаад улс оронд жигтэйхэн хүндтэй зочид болоод давхиж явдгийг болиулж байгаа хэрэг. Ер нь байр байранд нь тавьж байгаа юм.

Одоо манай улстөрчид, албан тушаалтнууд үг хэл, үйлдэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй болох нь. Яана даа, тэд маань одооноос зөв шударга ажиллахгүй бол ичгүүртэйгээр айлын хаалган дээрээс хөөгдөх нь. Элдэв шалдав аргаар авлига авах, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэх, хэн нэгэнд гомдож туниад эрх мэдлээрээ дулдуйдан барьж хорих, зохисгүй үг хэллэг хэлэх гэх мэт одоогийн амьдралдаа өдөр тутам хэрэглэдэг үйлдлээ өөрчлөх хэрэгтэй болжээ.

Энэхүү олон улсын хоригийг хувь улстөрч тоохгүй байж болно. “Би тэр орон руу нь явахгүй байхад л бол оо ш дээ” хэмээн мунхаглан бодож мэднэ. Та энэ дэлхий дээр цор ганцаараа биш билээ. Үр хүүхдүүд чинь, аав ээж, ах дүү, амраг садан чинь Америк болон хоригт нэгдсэн улс орнууд руу сурах, аялах, ажиллаж амьдрахаар явж л таарна. Амьдрал төсөөлшгүй баян билээ. Тэр үед таны муу нэр тэдэнд гай болж, тухайн улс орон руу нэвтэрч чадахгүйд хүрнэ. Авлигачийн хүүхдийг Америкт оруулахгүй. Хүний эрхийг боомилогчдын ах дүү, амраг саданг хөгжилтэй орнууд хүлээж авахгүй. Тэр бүү хэл, тухайн оронд байгаа эд хөрөнгө, банкин дахь мөнгийг нь царцаана. Хөрөнгийн эх үүсвэрээ үнэн зөвөөр мэдүүлж байж л хэрэглэж болох нь. Дэлхий нийт ийм л болж байна. Тэгэхээр улстөрчдийн дураараа дургидаг цаг үе аль хэдийнэ ард хоцорч байна.

Америкийн энэхүү хориг энэ долоо хоногоос эхэлж байгаа. Америкийг дэмжихээ Австралийн Гадаад хэргийн сайд мэдэгдэж байна. Тэд авлигачид, хүний эрхийн эсрэг ажилласан хүмүүст хилийн хориг тавина гэлээ. Хүний эрхийн асуудлаар хүчтэй арга хэмжээ авснаас үүдэн гарах хурцадмал байдлаас зайлсхийсээр ирсэн Япон улс ч гэсэн гадаад бодлогодоо хүний эрхийн талаар хүчтэй байр суурь эзлэх үндэсийг чимээгүйхэн тавьж байгааг гадны хэвлэлүүд онцолж байна. Удахгүй Хүний эрхийг зөрчигчдөд хориг тавих хууль боловсруулж дууссанаа зарлах биз ээ. Европын холбооны улсууд ч энэ талын хоригоо чангатгах нь дамжиггүй юм.

Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг үг утгаараа хэрэгжих нь ээ. Гэмт хэрэг хийхээрээ, эсвэл утаа, шороо салхинаас дайжиж давхиж очоод хэвтчихдэг диваажин шиг орнууд гэмт хэрэгтнийг, тэдэнтэй холбоотой хэнийг ч босгоороо алхуулахаа больж байна.

Өөрийгөө гэмт хэрэгтэн биш гээд үл тоож байгаа нөхөд анхаараарай. Тун саяхны нэг жишээ хэлье. “Ерөнхий сайдыг шүүмжиллээ” гээд 100 мянган төгрөгөөр торгуулсан иргэн Г.Ганбат “АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулан тус улсын Засгийн газарт хандан Хүний эрхийг ноцтой зөрчиж, “Хуульчлагдсан дарангуйлал” тогтоож байгаа Монголын эрх баригчдын талаар би мэдээлэл цувралаар илгээсэн. Үргэлжлүүлэн илгээнэ” хэмээн мэдээлжээ. Жагсаал цуглаан зохион байгуулсныхаа төлөө, үг хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдож, торгуулж, цагдаагийн үүд сахин шууд болон шууд бусаар дарамтлуулж байгаа олон мянган хүн иргэн Г.Ганбат шиг захидлыг Монголд суугаа Америкийн Элчинд, олон улсын хүний эрхийн байгууллагууд руу бичээд байвал байдал эсрэгээрээ эргэх нь. Эрх баригчид, хууль хүчнийхэн маань гайхуулаад байдаг гадаад руугаа ч явж чадахгүй олон улсад ичгэвтэр байдалд орох нь ээ. Өөрөө явах бүү хэл үр хүүхдэдээ гай, тээг болно. Үүнтэй адил авлигын мэдээллийг ч ингэж илгээж болох юм.

Ядахад “Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсаж цуглах эрхийг нухчин дарж байна” гэж 150 оронд сүлжээтэй Эмнести Интернэшнл байгууллага дүгнэсэн байдаг юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр хэвлэлийн байгууллагатай байгаа нь хууль зөрчиж байна

Монголд анх удаа Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай болсон он цаг бол 1998 оны наймдугаар сарын 28 билээ. Хүний үг хэлэх эрх чөлөөг бататган, чөлөөт хэвлэлийг жам ёсоороо хөгжих үндэс суурийг тавьсан нь энэ хуулийн түүхэн үнэ цэнэ юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гээд тов тодорхой заагаад өгсөн байдаг.

Гэтэл өнөөдрийн төрийн байгууллагуудыг хар даа. Төртэй холбоотой байгууллага бүхэн дэргэдээ Хэвлэлийн алба нэрийн дор хүчирхэг хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай болон данхайж байна. Төрийн байгууллага бүр өөрийн сэтгүүлчидтэй, вэб сайттай, пэйж, твиттер хаягуудтай, түүнийг нь хөгжүүлдэг мэргэжлийн багтай гээд бод. Үүн дээр нэмээд мэргэжлийн студитэй байгууллагууд олон. Тэдгээрээ телевизээр гарах бүхий л контентыг бэлтгэнэ. Ийм хүчирхэг хэвлэлийн байгууллагуудтай болсон төр өдөр тутмын бүхий л мэдээллээ өөрсдөдөө тавина. Өөрөө өөрсдийнхөө өнгө аят тохируулан өөрсдийнхөө хэвлэл, сайт, сошиалаар цацна. Хөөрхий гадаа үлдсэн жинхэнэ хэвлэлийн байгууллагуудад түүнээс нь хуулж авахаас өөр арга алга болжээ. Биднээр үйл ажиллагаагаа сурталчлуулаач, мэдээ сэлт, ярилцлагаа гаргаач гэхээр “Бид өөрсдийнхөө сайтад эхлээд тавина. Бид эхлээд өөрсдийнхөө хэвлэлээр цацна” гэж Төрийнхөн томорч байна. Хууль зөрчсөн төрийн энэ буруу үйл ажиллагаанаас болж Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд хөл дээрээ босч чадахаа больсон. Цахилгаан, цалингаас өөр зарлага багатай сайтынхан бол өнөө маргаашдаа болоод байгаа байх. Үйл ажиллагааны өртөг өндөртэй өдөр тутмын сонин, телевизүүдэд маш хүнд тусч байгаа нь ойлгомжтой юм.

Төр өөрөө данхайгаад зогсохгүй хэвлэлийн байгууллага дэргэдээ байгуулж, төрийн мөнгөөр өөрсдийгөө зоргоороо сурталчилж байгаа нь Монголд чөлөөт хэвлэл хөгжих үндэс суурийг сүйтгэж байна. Учир нь эдийн засгийн чадамжтай байж л чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа хөгждөг. Хараат бус байх, эдийн засгийн чадамжтай байх үндэс суурь нь реклам, зар сурталчилгааны орлого юм. Төр үйл ажиллагаагаа, тушаал шийдвэрээ нийтэд танилцуулсныхаа төлөө хувийн хэвлэлд төлбөрөө төлдөг жишиг хаана ч байдаг. Энэ жишгийг манайхан тасдаж аваад өөрсдөө өөрсдийнхөө төлөө хэрэглээд байгаа нь хууль зөрчсөн төдийгүй увайгүй, гутамшигтай үйлдэл юм. Тогтсон соёлтой, улстөрчид нь ёс зүйтэй орнууд бол бүгд хийх ёстой ажлаа дор дороо хийгээд л явдаг. Хувийнхны хийх ажлыг төр булаадаггүй. Төр өөрийнхөө хийлгэсэн ажлын хөлсөө ч төлөөд явдаг. Энэ нь цаагуураа чөлөөт хэвлэлээ додомдоод дэмжээд байгаа соёл гэж л харагддаг. Харин энэ бүхэн манайд эсрэгээрээ. Чөлөөт хэвлэл нүдэн дээр сүйрч байна. Хоосон хэтэвчтэй хэвлэлүүд үзэл санаагаа хэдэн төгрөгөөр худалдаж, мөнгөний төлөө юу л бол юу бичихэд бэлэн болсон. Мөнгө л байвал хэн юугаа бичихэд бэлэн болсон эмгэнэлтэй цаг үед ирээд байна. Нийгэмд сэтгүүл зүй шиг муу нэртэй газар одоо алга. Үнэндээ тэд өөрсдөө муу байна гэхээс илүүтэй муу байлгах сонирхол төрд бат нот суучихаад, тэр бодлогыг хэрэгжүүлээд яваа юм. Чөлөөт хэвлэл хүчирхэг байх нь улстөрчдөд огт ашиггүй болохоор тэднийг эдийн засгаар нь боомилж байгаа юм. Чөлөөт хэвлэл оршин тогтож байвал Монголын Ардчиллын баталгаа тэр юм.

Гэтэл өнөөдөр чөлөөт хэвлэл нь мөнгөний аясаар хөдөлдөг болчихлоо. Тэр хэрээр Ардчилал хэврэгшин эмзэгшиж байна. Үүнийг маш цөөн хүн мэдэрч, хаа нэг бичиж байгаа харагдах юм. Нийгэм бол тэр чигтээ сэтгүүл зүйг буруутгах аястай болчихсон. Утасны цаад үзүүрт хэт олонх болсон эрх баригчид суучихаад утсаа чангалсаар байгаа гэдгийг анзаарах хүн цөөн байна.

Дээр өгүүлсэнчлэн өнөөдөр төрийн байгууллагууд Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг илт зөрчин, дэргэдээ хэвлэлийн байгууллагуудтай ажиллаж байна. Үүнээс гадна төр өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байна. Үндсэн хуулинд “…төрийн байгууллагууд хуулиа дээдэлж ажиллана” гэсэн заалт бий. Мөн Засгийг “…Үндсэн хууль болон бусад хуулийн биелэлтийг улс орон даяар зохион байгуулж хангах” үүрэгтэй гэж заасан. Төр ингэж хоёр ч хууль зөрчөөд хээв нэг өдөр хоногийг өнгөрөөж байна.

Одоогийн УИХ нэг намын хэт олонх гишүүдтэй ч тэдэн дунд сайн хуульчид бишгүй бий. Мөн сэтгүүл зүйн салбараас гарсан олон гишүүдтэй. Тэд нэгдэн нийлж Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний хуулийн хэрэгжилтийг хангах талаар ажиллаж болно. Мөн шинэ хууль өргөн мэдүүлж, Монголын чөлөөт хэвлэлийн үндэс суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулмаар байна. Төрийн мэдээлэл чөлөөт хэвлэл дээр гарсны дараа өөрийнх нь сайт дээр гардаг гэх мэт хуулинд заалт оруулдаг ч юм уу, ямартаа ч ухаалаг бодлого барихгүй бол чөлөөт хэвлэл энэ намын үед сөхөрч унах нь. Чөлөөт хэвлэлгүй бол бид ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж хичнээн яриад яах билээ. Өнөөдөр бидэнд хал палгүй, гай болохгүй бол яахав гэж амиа хичээж суухын оронд маргаашийн Монголын хөгжил ямархуу байхыг төсөөлж Чөлөөт хэвлэлийн үнэ цэнийг ойлгомоор байгаа юм.

Эцэст нь хэлэхэд, баруунд тэгдэг, Америкт ингэдэг гэж мэдэмхийрхэх хэрэггүй ээ. Монгол Улс баруун шиг өндөр хөгжилгүй, Америк шиг дэлхийн том тоглогч биш. Хоёр том гүрний дунд орших бидэнд өөрийн гэсэн өвөрмөц бодлого, алсын хараа байх ёстой. Ардчилал, чөлөөт хэвлэлийн амыг барьчихгүйхэн шиг явах асар том эрх ашиг байх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэдээллийн нотариатын үүргийг сонин гүйцэтгэх цаг холгүй байна

Өглөө эртээ Д.Энхбат гуайн жиргээг хараад хүн төрөлхтөн хэт их хөгжлийн болоод мэдээллийн хурдаасаа залхаж, маш энгийн амьдрал руугаа эргээд тэмүүлж эхэлж байгаа юм байна гэж бодлоо. Тэрээр “Ойрын ирээдүйд хамгийн үнэтэй зочид буудлын өрөөнүүд WiFi-гүй, ТВ-гүй байдаг болно. Мөн хотын хамгийн тухтай, сайхан гудамжууд камергүй, машингүй байх болно. Хүмүүс 6G-гүй газар явж амардаг болно. “VIP” хүмүүс утасгүй явдаг болно” гэж жиргэсэн байсан. Үнэхээр ч намрын энэ л өдрүүдэд навчсын шар шуурга, том шар нар, налгар тайван байгаль, сэнгэнэсэн цэвэр агаар л хамгийн гайхалтай мэдрэмжийг хүмүүс бидэнд өгч чадаж байна. Хэн хүнгүй л тэр том шар нарны дорх навчсын шуурганд зогсож, ирж буцах амьдралын тухай хором ч болтугай эргэцүүлж авай. Байгалийнхаа зөнгөөр хөл хөдөлгөөнт нүргээнт хотоосоо түр ч гэсэн зугтаж байна. Яалт ч үгүй энгийн амьдрал, байгалийн өнгө үзэмж ухаант хүний сэтгэл санааг ер бусаар тайтгаруулан тайвшруулдаг билээ.

Арав, хориодхон жилийн өмнө Монголд шар сонинууд хүчээ авч байв. Аль л сенсаци шуугиан болох мэдээллийг тавьж, хүмүүсийг татах арга барил бүхий шар сонинд тухайн үед санаанд багтамгүй мэдээллүүд гардаг байлаа. Бараг л хэн илүү худлаа сенсаци мэдээ гаргасан нь илүү борлогддог байв. Улстөрчид, урлагийн оддыг тойрсон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллээс гадна хүний махаар хоол хийж иддэг хүмүүс-ийн тухай, аламс барьсан тухай гээд есөн шидийн зүйл нийтэлдэг байсан. Мэдээж, одоо тэр сонинууд ор мөргүй алга болсон. Энэ бол Монголын сэтгүүл зүйн хөгжлийн нэгэн үе байсан юм.

Арваадхан жилийн өмнө өдөр тутмын 20 гаруй сонин хэвлэгддэг байсан. Шар сонинуудыг бодвол хавьгүй үнэн мэдээлэл нийтэлдэг байсан ч тэдний дийлэнх нь хаалгаа барьж, өдгөө Монголд өдөр тутамд гарын таван хуруунд багтахаар сонин гарч байгаа.

Яг одоо бол Монголд мэдээллийн сайтууд шиг олон юм алга. Захын сэргэлэн нөхөр халаасандаа гуч, дөчин сайтын нэртэй давхиж явна. Хэдэн зуугаар тоологдох сайтууд шар сонины үеийг санагдуулдаг юм. Ямар ч эх сурвалжгүй гүтгэнэ, мэдээллээ устгана, хэн нэгнийг хорлох гэсэн мэдээллийг хоорондоо гүйлгэж тараана гээд эх захгүй бужигнаж байгаа. Мэдээж, хэдэн жилийн дараа энэ бүхэн цэгцэндээ орж, огт өөр дүр зурагтай сууж байх нь тодорхой.

Телевизүүд ч ялгаагүй. Онц сонирхолтой кино, эсвэл хаа нэг сонин содон хүний яриаг л тогтож харна уу гэхээс хүмүүс хэрэгтэй мэдээллээ дуртай цагтаа гүйлгэж хардаг болсон. Үзэгчид кабелийн суваг дээрх эхний 10 телевизийг л харна уу гэхээс бусдынх нь нэрийг нь муухан мэддэг юм байна.

Энэ мэт Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хөгжил зүй тогтлоороо явж л байна. Бужигнаж бужигнаж үнэхээр тогтож тэсэж үлдсэн хэдийг нь л хүмүүс тоож харж, уншиж байгаа юм. Тогтож үлдэхийн тулд тэд ямар ч цаг үед үнэн, тууштай, нэг замаараа явсан юм. Мөнгө харж нэгнийг муулалгүй, өнгө дагаж бусдыг дагалгүй өдий хүртэл уншигчдадаа үнэнч байж чадсан юм. Ялангуяа мэдээллийн асар их урсгал дунд хүмүүс маш их төөрөлддөг болжээ. Аль нь үнэн мэдээлэл, аль нь худлаа гэдгийг ялгаж салгаж ойлгохын тулд ажил хэрэгч хүмүүс өдөр тутмын сонинг илүүд үздэг болсон. Өчигдрийн өнөө их шуугиант мэдээллийн наад цаадахыг өдөр тутмын сонин л ул суурьтай тайлбарлаж чадсан байдаг. Тэгэхдээ мэргэжлийн судлаачид, эрдэмтэд, туршлагатай тоймчдоор үйл явдлыг углуургаар нь нягтлан шинжлүүлсэн байдаг юм. Тиймээс төдийгөөс өдий хүртэл өдөр тутмын сонин хэвлэлийн зах зээлд байр сууриа алдахгүй, том нэр хүндтэй байсаар байгаа юм. Цаашид өдөр тутмын сонин мэдээллийн нотариатын үүргийг гүйцэтгэнэ гэж энэ салбарт олон жил ажилласан туршлагатай сэтгүүлч, тоймчид дүгнэж байна. Учир нь, тэд яаран сандран мэдээлдэггүй, учрыг нь олж, хужрыг нь тунгааж байж хэвлэдэг юм. Өдөр тутмын сонин дээр гарсан бүхэн үнэн байдаг болохоор яалт ч үгүй мэдээллийн нотариат гэж хэлж, хүлээн зөвшөөрөх нь. Нотариатаар баталгаажсан бүхэн туйлын үнэн байдаг.

Нийтлэлийн эхэнд Д.Энхбат гуайн жиргээг зүгээр ч нэг оруулаагүй юм. Ажил хэрэгч хүмүүс, элитүүд камергүй, интернэтгүй, телевизгүй орчинд амарч, цагийг өнгөрүүлэхийг чухалчилдаг болох тэр цагт өнөө эв энгийн, маш даруухан хэрнээ үнэн байдаг сонинг л сонгох нь тодорхой юм. “Соёлт хүний өглөө сонин уншихаас эхэлнэ” гэдэг зүгээр ч нэг үг биш юм. Тайван сайхан орчинд өглөөний цайгаа уунгаа, аагтай сайхан кофе шимэнгээ сонин гарчиглаад суух л энгийн сайхан амьдралын нэг хэсэг билээ.