Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий DNN.mn

Монголчууд бөх шүтдэг ард түмэн. Бөхөөр амьсгалж, бөхөөр давлагаалж, бөхийн үүх түүхийг хэдэн өдөр ч ярьж чадна. Домог мэт яригддаг үндэсний бөхийн ханагар сайхан аварга, арслангуудаас эхлээд өнөөдөр барилдаж байгаа бөхчүүдээ ч бид дээдэлж хүндэлсээр байгаа. Харин энэ үзэл, ийм хандлага сүүлдээ хэтийдэн хавтгайрч, амжилт гаргасан бүхнийг амьдралгүй болгож байгааг анзаарч анхаарсан нь хэд бол.

Өнөө жил Оргихын Хангай гэдэг бөх хавтай сайхан барилдан улсын баяр наадамд түрүүлсэн. Олны хайр хүндэтгэл, хишиг буян түүнийг тойрон эргэлдэж байна. Наадмаас хойш багагүй цаг хугацаа өнгөрсөн ч Хангай хүү хөл нь газар хүрэхгүй шахам урилга заллагад дарагдаастай харагдах юм. Хаана л баяр наадам, сүрхий дориун арга хэмжээ болно шар магнаг дээлтэй тэрбээр хутагт хувилгаад аятай инээд алдан заларч явна. Тэр одоодоо бол жаргалтай сайхан явна. Хүндлэл хайранд өлгийдүүлж, хөл нь шороогүй яваа. Гэхдээ нэг юмыг мартах ёсгүй. Энэ их хүндлэл бол түүнийг сайн барилдлаа гэж, сайхан бөх боллоо гэж, олон түмнээ уран барилдаанаараа баясгаж цэнгүүллээ гэж ирж байгаа юм. Хөлсөө урсган хөдөлмөрлөж, бусдаас илүү чадварлаг байсных нь төлөөх шагнал юм. Түүнээс биш Хангай шиг бие хаатай, нүүрний баясалтай, илүү боловсролтой залуус бишгүй бий.

Өнөөдөр түүнээс илүү алдартангүй мэт сэтгэн урилга заллагад дарагдан яваа О.Хангай аварга та шар магнаг дээлээ тайлан, бэлтгэлийн хувцсаа өмсөн, биеийн тамирын зааландаа очно уу даа. Хөлс хүчээ урсган дасгал сургуулилтаа хий. Хүн хэлэхгүй бол санадаггүй гэдэг. Олны хэтийдсэн ийм хайр энгийн даруу хэнийг ч орчлонгийн оройд гарсан мэт хийрхэлд хүргэдэг талтай. Та шилдэг нь болж түрүүлсэн, шагнал, хайр халамжийг хангалттай авсан, одоо зүгээр л дараагийн ажлаа хий.

Монгол бөхөд Дагвацэрэнгийн Хадбаатар гэж сайхан аварга байв. Монголчууд түүнд хачин их хайртай байсан, өдгөө ч хайрлан дурссаар. Гэхдээ түүний ир бяртай ид гялалзаж явах насанд энэ л хөлгүй их хүндэтгэл дагасан найр наадам, архи дарс буруу зам руу хөтөлсөн түүхтэй. Наадамд хэд л бол хэд түрүүлэх ид залуу насныхаа 10-аад жилийг төмөр торны цаана өнгөрөөсөн гунигт тавилан түүнийх билээ.

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө Цэнд-Очирын Цогтбаатар жүдо бөхийн дэлхийн аварга боллоо. Бахархам сайхан явдал. Монгол Улсынхаа нэрийг жүдогийн Дагвацэрэн ертөнцөд дуурсгаж чадсан түүний амжилтад бүгд л баярлаж байна. Гэхдээ өнөө л бидний хэтийдсэн их хайр уг хүний мөн чанарыг эвдэх вий гэхээс эмээж эхэллээ. Ц.Цогтбаатарын унаж, боссон бүхий л үүх түүхийг уйлж дуулан ярьж, түүнгүйгээр амьдарч чадах билүү гэж бодогтол магтаж байна.

Олимпийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авчирсан Найдангийн Түвшинбаяраар амьсгалж байсан 2008 оны зун сайхан байсаан. Дараа нь тэрбээр Лондонгийн олимпоос мөнгөн медальтай ирсэн. Олимпийн алт, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хошой хүрэл, Ази тивийн аварга Н.Түвшинбаярт Монголын төр Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин гээд хамаг дээд шагналаа барьж, албан тушаал өгсөн. Бүр УИХ-д хүртэл нэрийг нь дэвшүүлж байв. Ард түмэн өнгөтэй өөдтэйгөө барьж алган дээрээ бөмбөрүүлж эрхлүүлсэн. Энэ бүхэн түүний мөн чанар, хүн чанарыг бага багаар элээж алга болгосныг өнөөдөр бид харамсан харж байна. Хүндлэл хайр гэдэг зүйл хэм хэмжээндээ байх ёстой. Хүндэлж бахархаж байна гэж магтсаар байгаад өнөө хүнээ хэн ч биш болгодог хачин зулгуйдлаа нийтээрээ болих хэрэгтэй. Алдар цуутай болж мандаж яваа залуусыг зулгадан магтахын оронд ах захаа мэдэж, хэм хэмжээнээсээ давж болохгүй гэдгийг ойр байдаг аав ээж, багш нар нь, найз нөхөд, ах дүү, амраг садан нь байнга хэлж ярьж байгууштай. Тэгэхгүй бол бидний асар их магтаал сайшаал тэднийг үүлэн дээр хүртэл хөөргөн сэвж гаргачихаад, огт тулгуургүйгээр тэнд нь орхиж байна. Өндрөөс хүн илүү чанга унадаг.

Удахгүй УИХ-ын сонгууль болно. Өнөө л хөөргөн дэмжигчид нь О.Хангай, Ц.Цогтбаатар нарыг УИХ-д нэр дэвшүүлээд гүйж явахыг үгүйсгэхгүй. “Та бол Монголын баатар, таныг хүн бүр мэднэ, бүгд танд саналаа өгнө… энэ тэр” гээд яаж дэвэргэж хөөргөж байгаад дэвшүүлэхээ тэд бас мэднэ. Ийм л эргүүлэгт залуус маань битгий орчихоосой, өнгө мөнгөний энэ их хөөсрөлд хөөрөлгүйхэн шиг энгийн сайхан амьдраасай гэсэндээ үүнийг бичлээ.

Хангай хүүг дараагийн Хадбаатар, Цогтбаатар хүүг дараагийн Түвшинбаяр болгочих вий дээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ийм нэг хэрэгтэй үйлчилгээ нээгээч DNN.mn

Айл бүрт цоо шинээрээ, эсвэл ганц нэг удаа л хэрэглэсэн шинэ шахуу зүйлүүд бишгүй их байдаг. Төрөл бүрийн гутал хувцаснаас гадна үнэтэй гоёл чимэглэл, номын цуглуулга, дурангийн хөл, аппарат, гар утас, байгалийн фото альбомууд гээд тоймгүй их юм байдаг. Эдгээрийг хаях хэцүү, сонирхдог хүнийг нь олж бэлэглэх ч явдал суудал ихтэй.

Басчиг чамгүй үнэ өртөг шингэсэн, тэгээд шинээрээ байгаа болохоор гэртээ хадгалаад байдаг. Ийм бараа бүтээгдэхүүнийг дуудлага худалдаагаар зарж борлуулдаг агентууд бий болоосой. Жишээ нь, Японы ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг агентуудын зарим нь захиалга өгсөн үйлчлүүлэгчийнхээ гэрт өөрсдөө ирээд зарах зүйлийг нь боож баглаад авч явдаг. Тэдний бүх зүйл нь ойнлайнаар ил тод зарлагдана. Дуудлага худалдаанд төдөн хүн оролцсон, тэдэн төгрөгөөр зарагдсан. Үйлчилгээний хөлс нь ийм болсон, танд ийм мөнгө оногдох нь гээд тов тодорхой.

Эсвэл та дуудлага худалдаагаар зарах зүйлээ агентуудад өөрөө боож баглаад хүргэж өгч болно. Энэ тохиолдолд шимтгэл нь арай хямд гэх мэтээр үйлчилгээ нь өөр өөр байдаг. Ийм нэг хэрэгтэй үйлчилгээг манайд нээгээд тогтмол ажиллуулаад эхэлбэл хаана хаана тустай юм. Зарим нь дэлгүүрээс үнэтэй авах зүйлээ хавьгүй хямд төсөр худалдан авах бол зарим нь өөрт байгаа илүү бараагаа зарж, санаа амарна. Интернэт, ойнлайн үйлчилгээ эрэлттэй болсон энэ цагт хийхэд боломжийн л ажил санагдах юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдралд бид ямар их хайртай юм бэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨХ “АМЬДРАЛД БИД ЯМАР ИХ ХАЙРТАЙ ЮМБЭ” ХЭМЭЭХ ЖИЖИГ БИЧВЭРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Сансар огторгуйд өөрийгөө оршуулах хүсэлтэй хүмүүсийн дараалал дийлдэхээ больсон гэнэ. Америкийн нэгэн компани 1997 оноос хойш ийм үйлдэл хийж эхэлсэн бөгөөд одоог хүртэл 14 орны хэдэн мянган хүнийг сансарт оршуулжээ. Энэ нь нас барсан хүний чандарыг маш жижиг саванд хийгээд сансар руу илгээдэг ёслол маягийн үйл юм байна. Яагаад хүмүүс ийм хүсэлт гаргадаг юм бол гэж уншигч та бодож байна уу. Энэ нь ямар нэгэн чамирхал, мөнгөө барж ядсан хүний зан биш ердөө л дахин амьдрах боломжийг хайсан эцсийн горьдлого юм байна. Учир нь “хэзээ нэгэн цагт соёл иргэншил тэрхүүчандарыг олж аваад өөрийг нь дахин төрүүлж магадгүй” хэмээх сүүмэлзэх төдий найдлагад тэд эцсийн хүслээ даатгадаг ажээ.

Мөн өөрийн эд эсийн нэгээхэн хэсгийг хэдэн зуун жилээр хадгалах гэрээ хийгээд ертөнцөөс буцдаг зэрэг нь дахин амьдрах боломж гарвал алдахгүй юм шүү гэсэн найдлагаас өөр юу ч биш билээ.

Амьдрах нас хязгаартайг бид бүгд мэднэ. Тэгэвч хэн ч энэ амьдралаас буцахыг хүсдэггүй. Байгаад л баймаар, амьдран суумаар дэлхий шүү дээ. Өглөө бүр нар мандахыг харах, өвлийн шуурга исгэрэх, хаврын шувууд зэл татан ирэх, навчис өшгичин алхах, үр хүүхдээ өсгөх, найз нөхөдтэйгээ уулзах нь ямар их үнэ цэнэтэйг буцаж байгаа нэгэн маань дэндүү их мэдэрдэг биз ээ. Нээрээ ч яг өнөөдөр үүнийг бичиж байгаа маань ч, та уншиж байгаа нь ч давтагдашгүй юм. Давтагдашгүй он цагийг дэмий өнгөрүүлэхгүй байх нь л өнөөдрийн бидний хийж чадах хамгийн том зүйл юм байна. Өнөөдөр бол маргааш ирэхгүй цаг хугацаа. Өнөөдөр юу амжуулах ёстой вэ, түүнийгээ хойш нь тавилгүй хийгээрэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Сайхан амьдруулах муухай амлалт DNN.mn

Өдрийн сонины архиваас дараах нийтлэлийг хүргэж байна.


Монголын улстөрчдийн амнаас хамгийн
их гардаг үг бол “Ард түмнээ сайхан амьдруулна. Та нарынхаа амьдралыг сайжруулна”.
Хэн ингэж чанга дуугаар зогсоо чөлөөгүй олон удаа давтан хэлж, сайхан мөрөөдөлд
автуулж чадаж байна тэр хүн, тэр нам ялагч болж төрийн сэнтийд залардаг. Манай нийгэмд
тохирсон хамгийн амархан бөгөөд хүн итгэж болохуйц амлалт бол энэ юм.

Яагаад хүмүүс энэ үгэнд амархан
итгэж, сонголтоо хийдэг гэхээр нийтээрээ ядруухан амьдардаг болохоор тэр. Өөрөө
өөрсдийгөө аваад явдаг нийгмийн дундаж давхаргад хамаарах хүмүүс тун цөөн. Хэт хөрөнгөтэй
болон жирийн хүмүүсийн амьдралын ялгаа эрс өөр түвшинд хүрсэн болохоор ийм амлалт
хүмүүст горьдлого төрүүлдэг хэвээрээ байсаар байгаа юм. Сайхан амьдралын тухай амлалтууд
дийлэнх сонгогчдод зүгээр сууж байгаад баахан мөнгө авах, гэв гэнэт баяжаад сайхан
амьдарчих юм шиг ойлголт төрүүлдэг. Тэгж ойлгуулаад сургачихсан хэрэг. “Та нар хөлсөө
гартал ажилла. Өөрсдөө зүтгэ. Харин би та нарт саад болдог хүнд суртал, хуулийн
элдэв саад тээгийг арилгах ажил хийнэ. Тэгж байж л сайхан амьдарна шүү” гэж хэн
ч амладаггүй. Өөрсдөө ажилла, битгий хүний царай харж амьдар, овсгоотой сэргэлэн
бай гэж хэн ч сонгуулийн үеэр хэлдэггүй. “Би та нарыг сайхан амьдруулна, манай нам
ялбал ард түмэн жаргана даа” л гэлцээд байдаг.

Нээрэн ч жаргах юм болов уу гэж
хичнээн жил хууртав. Амьдрал бахь байдгаараа, дараагийн давж гарах сайхан амлалтуудыг
хүлээсээр сууна. Ийм гэнэн итгэмтгий ард түмэнтэй байх харин улстөрчдөд тун сайхан.
Өмнөхөөсөө давуулж амлаад, ард түмнээ сайхан амьдруулахын тулд цаг наргүй ажиллана.
Хийж байгаа ажлаа ч зогсоо зайгүй тайлагнана. Ард түмний сайхан амьдралд халтай
учраас энэ хүмүүсийг шоронд хийж байгаа юм. Хүмүүсийг ажлаас халж байгаа нь ч нийтээрээ
сайхан амьдрахад хамаатай. За ёстой ард түмнээ л гэж цалин, тэтгэвэр тэтгэмжийг
чинь нэмлээ шүү.

Та нарынхаа төлөө гадаад явж баахан
ажил амжууллаа. Эх орныг маань цөлмөж байгаа гадны компаниудыг хөөж гаргалаа шүү.
Захирлуудыг нь шоронд хийчихсэн, мөнгөө авч байж явуулна. Оюу толгой, Таван толгой
гээд манай баялгийг гадныхан зүгээр авах гээд байхаар нь та нарынхаа төлөө зогсоолоо.
Төмөр зам барих нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнөө. Нарийн царигтай төмөр зам
тавибал баахан хятадууд орж ирээд эзэлчих гээд байна. Татвараа нэмэхгүй бол улс
мөнгөгүй боллоо. Хөөе, ард түмээн, та нарын төлөө ийм их ажил хийж байгаа шүү. Харж
байгаа биз. Бараг бие засахдаа хүртэл ийм мэдэгдэл хийж, амар заяа үзүүлэхгүй их
ажиллах юм. Ард түмнээ сайхан амьдруулахаар бөөн дуулиан шуугиан болж, энэ их нүргээнд
нээрээ бид дутагдах юмгүй хаан мэт сэтгэл амгалан сайхан амьдарч байна гэж итгэчихсэн
ч алхаж явах шиг.

Гэхдээ бодит амьдрал арай өөр байна
аа. Гэр бүлийн гишүүдийн маань дийлэнх нь ажилгүй. Гадны хөрөнгө оруулалттай компанид
гайгүй сайхан ажил хийж байсан ч компанийг нь хөөгөөд гаргачихсан. Зарим нь жаахан
бизнес хийе гээд хүнээс мөнгө зээлж аваад шатчихсан. Хүүхдүүд цэцэрлэггүй. Хөгшдийн
тэтгэвэр хүрэлцэхгүй. Ганц ажиллаж байгаа нэгнийх нь цалин хаанаа ч хүрэхгүй. Бөөн
асуудал, үүнийг дагаад стресс, уур бухимдал. Орцны цэвэрлэгчээс авахуулаад таксинд
суусан ч төр засаг, дарга нарыг зүхнэ. Үнэн худлыг нь хэн ч мэдэхгүй идэж ууснаар
нь дуудна. Таксины жолоочийн энэ бухимдал осол болж, замын түгжээ нэмнэ. Орцны жижүүрийн
уур ундууцал баячуудыг үзэн ядах сэтгэлгээ болж өргөжнө. Хийх ажилгүй хүмүүс гэртээ
уйдаж суухаар ганц нэг шил юмны ард гарч, ажилгүй мөнгөгүй байгаа уур уцаараа гэрийнхэндээ
гаргана. Нийгмийн энэ олон ажилгүй, байхгүй бүтэхгүйн зовлонг туулж яваа хүмүүсийн
бухимдал нийлсээр өнөөдрийн нийгмийн хэрцгий солиотой гэмээр төрхийг бий болгож
байна.

Гэхдээ ямар ч зүйлд хэмжээ хязгаар
гэж бий. Ард түмэн ядуу байвал үгэнд ордог байсан цаг өнгөрчээ. Эрх баригчдын сайхан
амьдруулах муухай амлалтаас одоо залхаж байна. Төр засгийн эрх барьж байгаа нөхөд
минь бидний нэрийг барьж хашгираад байлгүй дуугүйхэн шиг өмнөх ажлаа хий гэж ард
түмэн хүсч байна.

Ард түмний амьдралыг өөд нь татна
гэж хашгираад, ажиллаад эхлэхээрээ бурууддаг гэдгийг бид өнгөрсөн жилүүдээс хангалттай
харлаа. Хэрэв тэдний хийсэн ажил үр дүнтэй байсан бол монголчууд өнөөдөр ийм ядруу
аж төрөхгүй байсан. Төр засаг одоо ард түмний амьдралд оролцохоо больчих. Та нарын
төлөө ингэлээ, тэглээ гэж хашгичихаа больж, өөрт ногдсон өмнөх ажлаа л хий.

Хүмүүст ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө
олох боломжийг нь нээгээд өг. Төрийн хүнд суртал, хуулийн элдэв саад тээг, олон
шат дамжлага дамжиж гар хардаг авлигын сүлжээг бага багаар зугуухан алга болгоод
өг. Төрд ажиллаж, дарга болж хагартлаа баяждаг буруу жишгийг халаад өг. Энэ л ард
түмнийг сайхан амьдруулна гэж төрд гарсан эрхмүүдийн хийх ажил юм.

Хэрэв ажил хийхэд элдэв саад тээггүй
болж, боломж нээгээд өгвөл хаалгаа хаасан жижиж, дунд компаниуд дахиад л ажиллаад
эхэлнэ. Хүмүүсийг ажилд авна. Өмнөх алдаагаа тэд давтахгүй, бизнесийн туршлага нь
зузаараад ашиг орлого нь нэмэгдээд эхэлнэ. Нэг компанийн ард нэлээн олон айл гэрийн
амьдрал цэцэглэж байдаг. Ажилтай байна гэдэг ашиг орлоготой болно гэсэн үг. Үүнийг
дагаад бусдад атаархах, үзэн ядах бухимдал стресс багасна. Хүмүүсийн амьдрал хангалуун,
ашиг орлоготой болоод ирэхээр нийгэм тэр чигээрээ тайван амгалан болдог. Ийм байхад
хэн нь дарга сайд болов, хэн нь огцорч байна гэдгийг хүмүүс нэг их тоодоггүй. Юм
болгон өөр өөрийн голдрилдоо орж байна гэсэн үг.

Хөгжилтэй орнуудыг харж байхад ийм
л зарчмаар явдаг юм билээ. Төр засаг компаниуддаа бизнесийн таатай орчинг бүрдүүлэн
өгдөг. Мөн эдийн засгийн шинэчлэлээр гадны компаниудыг татан хөрөнгө оруулалтын
асар том урсгалыг авч чадсан байдаг. Эдийн засаг ингэж эрүүлээр хөгжиж байж улс
орон хөгждөг, ард түмэн сайхан амьдардаг. Ийм нийгэмд сонгуулийг дайн мэт, үймээн
шуугиантайгаар хүлээдэггүй. Нэг нь баяжиж, нөгөө нь шоронд ордог үе гэж ойлгохгүй.
Тийм үйл явдал ч болохгүй. Хэн сайхан амласанд нь биш зөв бодлого хэрэгжүүлж чадах
намыг сонгодог.

Хүмүүсийг ядуу байлгах, сайхан амьдрах
хүслээр нь тоглох нь төр засаг, улс төрийн намд ямар ашигтай байдаг вэ.

Хамгийн гол нь үүний үр дүнд нэг
нөхөр тодорч, бусад нь шаар болж харагддаг. Хэн нэг нөхөр өөрийгөө аврагч баатар
гэж харагдуулахын тулд үүнийг хийгээд байгаа мэт. Ийм л зүйлүүд өнөөдөр хэтэрхий
газар авсны учир эрхтэн дархтанууд өөрсдийнхөө төлөө ард түмний амьдралаар тоглоод
дуусах нь.

Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадаа гараад амаа… гэдэгсэн DNN.mn

Монголчууд цөс ихтэй, хэт хөөрөлтэй ард түмэн юм гэдгийг бид өдөр тутамдаа харж, мэдэрч байна. Хичнээн зуун машин ардаа түгжээд зам дээрээ гараад зодолдчих энүүхэнд. Жаахан л тэсээд өнгөрчих юман дээр бие биенээ дахиж харахын эцэсгүй болтол харааж хэрэлдэж байна. Монгол хүн жаахан л уурлавал хаа хамаагүй орчлонгийн хамаг муу муухай зүйлийг бодож олж, үнэн худал хамаагүй бие бие рүүгээ цацаж байна. Интернэт, гар утас, сошиал хэрэглээгээрээ Азидаа тэргүүлдэг болсон болохоор хоёр хүний хэрүүл хорин мянган хүнд хүрч, жалгын хэрүүл жаран мянган хүнийг стресстүүлж энэ хэрээрээ нийгмийн оюун санааг бохирдуулж гүйцлээ.

Бидний өвгөчүүд “Гэртээ байхдаа галаа, гадаа гарахдаа амаа… ” гэж захиж үлдээжээ. Гэрт гал байхад дулаан тайван тухтай байдаг. Олны дунд илүү дутуу хов жив ярьж, хэрүүл хийлгүй амаа хамхиж явахад өөрт төдийгүй өрөөлд тустай гэсэн санаа. Өвгөд өөрсдөө талдаа ингэж тайван амгалан амьдарч иржээ. Харин үр хойчис нь эргэх нүүргүй болтлоо нийгмээрээ хараал хэрүүлд умбаж байна. Одоо нийгэм даяараа өрнөж байгаа хэрүүлийг л хар даа. Санаанд орсноороо, аль муугаар нь бие биенээ булж байна. “Та нарын хүүхдүүд жонхуу иддэг”, “орос ах нартаа хэлж хариуцлага тооцуулна” гэх мэт. Хариуд нь үүнээс илүү доромжлол хөвөрч байгаа. Үгийн муу мартагддаггүй болохоор өргөс адил дотроос нь хатгаад суулгахгүй байгаа биз.

Энэ зөвхөн нэг үйл явдлын жишээ. Дараагийн үйл явдал өрнөхөд дахиад л ингээд талцаж аваад хөөс цахруулан хэрэлдээд эхэлнэ. Өмнө нь ч ийм байсан, одоо ч ийм байна, цаашид ч үргэлжлэх биз ээ. Хичнээн муудсан ч эвлэрэх орон зай үлдээж бай гэдэггүй билүү. Муу муухай үгээ тэвчээд , омог уураа бага ч атугай дарж, монголчууд хоорондоо эргэж уулзах нүүртэй байж болдоггүй хэрэг үү. Уур омгоо дарж яв гэж хуучин цагт хөгшчүүд сургаж хэлдэг байж. Одоо тэгж хэлж байгаа хүн алга аа. Хөгшин залуугүй хэрүүлийн тойрогт орж, цөс нь хөөрчихсөн давхиж явна. Уурын мунхагт автжээ, бүгдээрээ.

Хүн хэлэхээс нааш санадаггүй гэдэг. Өнөө цагт энэ нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн олны танил алдартнууд, нийгмийн зүтгэлтнүүд “монголчууд уурын мунхагаасаа салах цаг болсон” талаар байнга хэлж сануулж баймаар байна. Өөрсдийгөө инфлюсерүүд гэдэг хүмүүс ч сошиал орчинд хэрүүлийг дэвэргэж суухаар уурын мунхгийг дарж, сэрж сэхээрэх тухай бичиж байвал нийтэд тустайсан.

“Америкчууд тэнэг байх эрхтэй” гэж 2013 онд төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэж байсан шиг монголчууд ч тэнэг байх эрхтэй. Эрх ашгаа хамгаалах ёстой. Энэ бол хувь хүний эрх. Харин өөрийнх нь эрх ашиг бусдын эрх ашгийг хөндөөд, нийтээр нь талцуулан хэрүүл үүсгэн, нийгмийг бохирдуулах хүртэл асуудлыг хөөргөж болохгүй. Чиний эрх чөлөө бусдын хамрын үзүүрээр хязгаарлагддаг гэдэг энэ. Монголчууд энэ хэм хэмжээг үл харгалзан өөрийн аминч, хэт хувиа хичээсэн үзлээсээ болж иймдээ тултал явжээ. Бусдад дараа болохгүй амьдрах тухай ойлголт бидэнд байдаггүй. Би л болж байвал гэсэн үзлээр бүхий л зүйлд ханддаг. “би, би би…миний эрх ашиг…” гээд л орилолдоод байдаг. Үүний цаана хувь хүний үнэт зүйл, нийгмийн эрх ашиг, нийтийн ёс зүй тэр чигтээ орхигдсон байдаг.

Эцсийн эцэст энэ их уур омог, хэрүүл тэмцэл монголчуудыг хүчгүй, сул дорой харагдуулж байна. Хүчгүй сул доройчууд хамгийн хямд, хамгийн амархнаар нь хэл амаараа л хэрүүл хийхээс хэтэрдэггүй. Нэг их шалихгүй хэрнээ тасралтгүй ийм ялих шалихгүй явган хэрүүлийн үр дагаварт хувь хүн өөрөө төдийгүй бусдыгаа ихээр бухимдуулдаг. Хүмүүс бухимдаад уур уцаартай болоод ирэхээр нийгэм бас бухимдсан хүмүүсийн уур амьсгалаар бохирлогдож байдаг.

Дүрсхийсэн уур омгийг дарах аргууд байдаг. Урт амьсгаа авах, арван секунд тоолох зэрэг ухамсартайгаар уураа дарж болно. Бүр хэрэлдмээр, хов хүргэмээр санагдаад байвал өнөөдөр биш маргааш болъё гэж хойшлуул. Маргааш энэ бүхэн танд нэг их ач холбогдолгүй санагдах болно. Энэ мэтээр ухаант хүн та уураа дарж, хэрүүлээ хойш нь тавих бүрэн чадвартай билээ. Үүнийг байнга сануулж байхгүй бол ууртай хүмүүсээр улс орон маань дүүрч, хэрүүлийн амьсгалд нийгмийн оюун санаа бүүдийж байна.

Өчигдрийн “Өдрийн сонин”-д төрийн шагналт Б.Цэнддоо бичсэн нийтлэлдээ “Сэхээтнүүд бол нийгмийн оюун санаа, ой санамж. Ард түмэн юмыг мартдаг бол сэхээтнүүд үгүй” гэсэн байна лээ. Нийгмийг сануулж сэрээж байдаг энэ үеийн сэхээтнүүд маань ч монголчуудыг дүрэлзсэн уур хилэнгээ дарж, хэрүүл биш ажлаа хийхийг сануулж байгууштай. (Уг нь дүрэлзсэн гэдэг үг уур уцаар дээр биш бадарч байгаа гал, мандаж байгаа нар, ажил хэрэг нь бүтэмжтэй байгаа хүн дээр яригдаж байвал илүү гоё) Соёлын яам ч гэсэн намын сурталчилгаа хийж байхаар нийгмээ гэгээрүүлэх, нийгмийн оюун санааг цэвэршүүлэх ажлуудыг тасралтгүй хийж баймаар байна. Тийм үүрэгтэй нэгж, бүтэц гаргаад ажлаа эхлэхэд оройтохгүй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Үндэсний үзэл гаргая DNN.mn

“Би хүнсний дэлгүүрт орохоороо Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л сонгодог. Мэдээж, энэ нь гаднаас орж ирсэн барааг бодвол хямдхан байдаг. Зарим хүмүүс намайг харамч нарийн л гэх байх. Гэхдээ бид л өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнийг авахгүй бол үйлдвэрлэл явуулж байгаа энэ хэдэн бизнесмэнийг хэн дэмжих вэ. Аминдаа үндэсний үзэл гаргаж байгаа хэрэг”. Энэ бол “Монос”-ын Л.Хүрэлбаатар захирлын хэлдэг үг. Өөрөө дотооддоо үйлдвэрлэл явуулж алдаж онож юм юм л үзсэн болохоор тэрбээр бусдыгаа бага гэлтгүй ингэж дэмждэг ажээ. Тэгэхээр дэмжлэг гэдэг тун энгийн хэрнээ утга учиртай байдаг байх нь.

Манай дарга нар “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гээд л тууз хайчлаад байдаг. Тэдний гэртээ хэрэглэж байгаа хоол хүнс нь хаанахынх байдаг юм бол. Энэ нь хувь хүний сонголт ч гэлээ эдийн засгийн хямрал болж мөнгөгүйдээд байгаа одоо цагт эх оронч санаачилга нэгийг гаргамаар санагдах юм. Зурагтаар байнга хэрэгтэй хэрэггүй юм ярьж байдаг олны танил хүмүүс “Монголдоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ хэрэглэе” гээд яриад баймаар. Үндэсний гэдэг цөөхөн хэвлэлдээ чадах хэмжээгээрээ сурталчилгаагаа хэвлүүлж, үгүй ядахдаа олонтой газар сурталчилж явмаар.

Реклам сурталчилгааны нэг ид шид нь үзэж байгаа хүн хичнээн дургүй байсан ч хэзээ нэгэн цагт заавал тэр барааг сонгодогт байдаг. Тэгэхээр хүн болгон дотооддоо үйлдвэрлэсэн хүнс сонгож, дотоодын хэвлэлээ дэмжих гэх мэтээр үндэсний үзэл гаргадаг болбол мөнгөний урсгал гадагшаа биш дотроо эргэлдэх нь. Толгой эргэм их мөнгөний дүн энд сонсдохгүй. Гэхдээ л бид бие биенийхээ дэмэнд урагшлаад байна гэсэн үг.

Дашрамд тодруулахад, яагаад хэвлэл бичээд унав гэхээр, гадны fa­cebook, Instagram, twit­ter зэрэгт монголчуудын сурталчилгааны мөнгө ховх сорогдож, ардчиллын үнэт зүйл болсон үндэсний хэвлэлүүд нь сөхөрчих гээд байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Багтаагаад аваад ирсэн юмаа буцаагаад ачаад яваарай DNN.mn

Амралтаараа та хаашаа аялах гэж байна. Төрсөн нутгаасаа эхлээд Монголын үзэсгэлэнт сайхан газруудаар аялахаар төлөвлөж байгаа биз ээ. Хаашаа л харна цэлийсэн хөх униар татаж, хөхөө донгодсон зун цаг хэн хүнийг хөдөө тийш даллан дуудаж байна.

Гэхдээ та хөдөө гадаа аялахдаа нэг л зүйлийг анхаараарай. Аяны ядаргаагаа тайлж энд тэнд цайлахдаа, амарч хоноглохдоо авчирсан хогоо эргээд ачаад яваарай. Таны машинд багтаад ирсэн идээ ундааны баглаа боодол буйран дээр чинь хог новш болон үлдэх нь цаашдын зам мөрт чинь бага гэлтгүй тээг саад болсоор байдаг гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. Манайхан жигтэйхэн улс. Цайны дээжээ өргөн сүжиглэж байгаад явахдаа сүүний савнаас эхлээд бүхий л хогоо машинаасаа гаргаж хаячихаад давхиад явдаг. Машинаа цэвэрлэж байгаа ч байгаль дэлхийгээ бохирдуулаад, лус савдагийг нь уурлуулж орхидог. Ингээд таны цаашдын аялалд ямар нэгэн зүйл тохиолдож эхэлдэг. Дугуй хагарах, замаа олохгүй төөрөхөөс эхлээд зам хийсэн нөхөд үг хэлээ ололцохоо болих, аялалдаа сэтгэл дундуур үлдэх гээд бүтэлгүйтэл тойрч бүчдэг.

Нэг их сүйдтэй юм биш боловч жижиг сажиг ийм зүйлс нэгдээд ямартаа ч хог хаясан хүмүүсийг тав тухгүй болгож дөнгөдөг гэж байгаа. Яагаад ингэдэг гэхээр нутаг усны лус савдагийн гомдол ийн дагадаг байна.

Харин буусан суусан газраа цэмцийтэл цэвэрлээд явдаг хүмүүсийн аян зам санасан ёсоор өлзий дүүрэн байж, ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэнэ. Мөн нутгийн уул усны эзэн савдгийн баярласан сэтгэл ийм өгөөмөр шагнал болон ирдэг. Энэ бол үхэхээс бусдыг үзсэн буурал эмээгийн яриа юм. Эмээ хэн нэгнийг айлгах гэж ийм зүйл ярьдаггүй. Орой бүр ярьдаг үлгэр домгоороо дамжуулан үр хүүхдэдээ сургадаг сургаал нь юм.

Нээрэн ч та машиндаа багтаагаад аваад ирсэн юм чинь элдэв хогоо буцаагаад ачаад яваарай. Замд ойр ойрхон таарах төвлөрсөн хогийн саванд хогоо хийчихээд явахад нэг их ажил гардаггүй юм шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хэрэгтэй зөвлөгөө DNN.mn

Тэтгэвэрт гарсны дараа хүн хэсэгтээ л ганцаарддаг гэдэг. Үр хүүхдүүдтэйгээ бужигнаж, найз нөхөдтэйгөө уулзавч өөрийгөө ганцаардуулахгүй, эрүүл, идэвхтэй, цагийг үр бүтээлтэй өнгөрөөдөг талаар нэгэн уншигчийнхаа туршлагыг хуваалцъя.

“Хамгийн түрүүнд хүн өөртөө таарсан хөдөлгөөн хийх хэрэгтэй. Заавал хүнд хэцүү дасгал, олон км алхалт хийх хэрэггүй. Өглөө сэрээд нүүрээ илэхээс л энэ хөдөлгөөн эхэлнэ. Тэгээд хэдэн минут сөхөрч суух, ойр зуур алхах гээд өөртөө амар хэрнээ бүх биеийн булчин хөдөлдөг хөнгөн дасгалуудыг сонгоорой. Эрүүл байх л хамгийн чухал.

Хоёрдугаарт, хүн шинэ соргог мэдээлэл байнга авч байх хэрэгтэй. Үүний тулд өдөр тутмын сонин захиалж унш. Өглөө гарч шуудангаас сонингоо авах, гэртээ ирээд тухтай сууж байгаад шинэ содон мэдээлэл, ярилцлага унших хичнээн сайхан гээч. Дараа нь тэр мэдээллээ найз хөгшчүүлтэйгээ хуваалцах, хүүхдүүддээ дамжуулах гээд маш ашигтай. Унших, ярих, бусдад үнэ цэнэтэй байх хэрэгцээгээ үүгээр хангана гэсэн үг. Миний хувьд “Өдрийн сонин”-ыг байнга захиалж уншиж байна аа.

Гуравдугаарт, хүн хөгжил хөөртэй байх ёстой. Сэтгэл санаагаа сэргэлэн байлгахын тулд би дуртай дуу, хөгжмөө сонсдог.

Дөрөвдүгээрт, их биш ч сайхан амттай хоол идэж байх ёстой. Өөрөө дуртай хоолоо хийгээд сурчих нь амар байдаг. Үр хүүхэд, найз нөхдөө ч хааяа дайлах сайхан байдаг юм.

Тавдугаарт, найз нөхөдтэйгөө уулзаж бай. Инээж, ярьж хөөрөх ч сэтгэл сэргээх сайхан арга шүү.

Зургадугаарт, бусдад битгий гомд”.

Ийм зөвлөгөөг манай нэгэн уншигч настан өглөө. Хэрэг болгож өөриймшүүлж аваарай.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Маргаашийн нарыг харна DNN.mn

Хахир хатуу хаврын дараа дэлгэр сайхан зун ирнэ гэдгийг мэддэг учраас хүмүүс итгэл найдвараа алддаггүй. Шороон шуурганд хийстлээ нүдүүлэвч зөөлөн борооны үнэрийг сэтгэлдээ тээж явдаг билээ. Ерөөс итгэл найдвар гэгч хүмүүн төрөлхтнийг төдийгөөс өдий хүргэсэн аугаа их шид юм.

Өвдсөн хүн эм уугаад эдгэнэ гэдэгтээ итгэдэг. Бүдэрсэн хүн дахиж ийм алдаа гаргахгүйгээ мэддэг. Хүлээсэн хүн нь ирнэ гэдэгт итгэдэг учраас хэн нэгэн замын дундаас цөхөрч буцсангүй. Ээж нь хүүгээ алсад үдэхдээ хамаг эрдмийг хамж сураад ирнэ гэдэгт эргэлзэж байсангүй. Ийм л итгэлийн тойргоос гажиж далийсан хүн үгүй юм. Тиймдээ ч өнөөдөр бүтэлгүйтсэн ч маргааш илүү сайн болно гэдэгт хэн хүнгүй ямар ч эргэлзээгүй итгэдэг юм.

Өнөө өглөөхөн болсон нэгэн яриа ч итгэл гэгч ямар хүчтэй болохыг батална. Орос, Украины дайнаас болоод түүхий эдгүй болох дөхсөн компанийн захирал “Яаж ийж байгаад түүхий эдээ татаад авчихвал манай бизнес бүр л томорно” гэж ярьж байх.

Дэлхий нийтэд хаалгаа хаасан Оросоос Монголын бизнесмэн түүхий эдээ яаж ийж байгаад татаж авах нь тодорхой юм. Яагаад гэвэл түүнд дүүрэн итгэл байна. Бизнес нь ч томрох нь ойлгомжтой.

Орой унтахдаа хүмүүс маргаашийн нарыг харна гэдэгтээ итгэдэг. Маргаашийн нар илүү тод гэрэлтэнэ гэдэгт ч итгэдэг билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мөнхбаяр: Улс төрийн зохиолын хохирогчид нь баялаг бүтээгчид болж байна DNN.mn

“Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Б.Мөнхбаяртай ярилцлаа.


-Сүүлийн хэдэн сарын хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Хөгжлийн банктай холбоотой асуудал ихээхэн анхаарал татаж, АТГ-аас хэд хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Энэ яллагдагчаар татагдсан хүмүүсийн нэг нь таны үйлчлүүлэгч “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр байна. Яг ямар асуудлаар АТГ-аас шалгагдаж байгаа юм бэ?

-Өмгөөлөгчийн зүгээс АТГ-аас шалгаж байгаа асуудлын талаар нарийн тодорхой зүйл ярих хууль зүйн хувьд болон бодит байдлын хувьд ямар ч боломжгүй байна. Учир нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхад тухайн асуудлаар прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл хийх эрх өмгөөлөгчид байхгүй. Нөгөө талаар, мөрдөн шалгах ажиллагааны үйл явц нууц байдаг, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа оролцогчид, түүний өмгөөлөгчид танилцуулдаг учраас АТГ-аас шалгаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өмгөөлөгчид байхгүй.

Гагцхүү Хөгжлийн банкнаас 2017 онд авсан зээлтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэдгээс нарийн тодорхой зүйл алга. Гэхдээ Хөгжлийн банктай холбоотой хэд хэдэн зээлдэгчдийн зээл, зээлийн барьцаа, зээлийн эргэн төлөлтийн байдлын талаар хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөндөө мэдээлэл гарсан. Тэр бүгдийг уншиж тодорхой мэдээлэлтэй болж, харьцуулж үзэхэд “Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл бол хамгийн найдвартай, барьцаа хөрөнгө хангалттай, зээлсэн хөрөнгөөрөө бүтээн байгуулалтаа хийчихсэн, Монгол улсын хөгжлийн зээл гэдэг нь маш тодорхой байна.

-АТГ-аас шалгаж байгаа хэргүүдийн талаарх мэдээллүүдээс Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийг шалгаад, зээлээ төлсөн хэсгийг нь шалгахгүй байна гэж ойлгогдож байгаа. Танай үйлчлүүлэгчийн хувьд зээлээ яагаад төлөхгүй байгаа юм, зээлээ төлж болохгүй байгаа юм уу?

-АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэргүүд Хөгжлийн банкнаас хууль, хяналтын байгууллагад гомдол гаргасан мэдээлэл дээр үндэслэсэн байх. Тэр утгаараа Хөгжлийн банк зээлээ төлчихсөн аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлаар гомдол гаргаагүй болов уу. “Бэрэн групп” ХХК-ийн хувьд зээлийн төлөлт хийх хугацаа хэтэрсэн нөхцөл байдал бол байгаа юм. Гэхдээ юунаас болж хугацаа хоцорсон гэхээр нөгөө айхтар “Ковид-19” цар тахал өвчин гарсан цаг хугацаа зээл төлөх хугацаатай давхацсан. Тэрнээс 2017, 2018 онуудад зээлийн эргэн төлөлт хэвийн байсан. Тэгээд 2019 он гараад зээлийн эргэн төлөлт хийхэд зарим нэг хүндрэлүүд гарсан учраас Хөгжлийн банкинд хандан зээлийн эргэн төлөх хугацааг сунгах хүсэлтүүдээ гаргаж байсан боловч Хөгжлийн банк хариу өгөхгүй байсаар жилийн дараа боломжгүй гэсэн хариу өгсөн байдаг юм.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр барьж буй орон сууцыг борлуулахад худалдан авагчид нь Хаан банк зээл олгоод, борлуулалтын орлогоо шууд Хөгжлийн банкны данс руу шилжүүлэх нөхцөл бүхий хэлэлцээрийг Хаан банк, Хөгжлийн банктай хийхээр удаа дараагийн уулзалт зохион байгуулсан боловч Хөгжлийн банк шийдвэр гаргаж чадахгүй байсаар цаг хугацаа алдсан зүйл байдаг.Харин одоогийн Хөгжлийн банкны захирал, удирдлагууд нөхцөл байдлыг маш сайн ойлгож хамтарч ажиллаж байна.

Мөн 2022 оны нэгдүгээр сард Хөгжлийн банкнаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 онд авсан зээлийн гэрээтэй холбоотой зээл, зээлийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэл гаргаад шүүх иргэний хэрэг үүсгэсэн, одоо хэрэг шүүхэд хянагдаж байна. “Бэрэн групп” ХХК-ийн хувьд сүүлийн 2 жил гаруй хөл хорионы дэглэмтэй үед барилгаа бариад өнөөдөр гурван блок 360 айлын орон сууцыг улсын комисс хүлээж авсан. Энэхүү барилгуудын борлуулалтаар зээлийг төлөх боломжтой, энэ талаараа Хөгжлийн банктай хэлэлцээр хийгээд амжилттай явагдаж байгаа.

-Таныхаар Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлыг яг ямар журмаар шалгах ёстой юм бэ?

-Хөгжлийн банкнаас авсан зээлүүдийг бараг олгогдох ёсгүй байхад олгосон зээл гэх мэтээр эрүүгийн журмаар Авлигатай тэмцэх газраас захирлуудыг нь хэдэн сараар хорьж шалгаж байна. Гэмт хэрэг үйлдэж анхнаасаа авах ёсгүй байсан зээлийг олгосон юм бол эрүүгийн хэргийн онцлог болон цаашид үүсэх үр дагавар нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болно, дагалдаад барьцааны гэрээнүүд хүчингүй болно. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги авах боломжгүй харин ганцхан анх олгосон зээлийг буюу 11.7 сая ам.долларыг л хохиролд буцаан олгох зохицуулалттай.

Гэтэл Хөгжлийн банкнаас тус 11.7 сая долларын зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр гэрээ учир энэ зээлтэй холбоотой асуудал бол Иргэний хэргийн маргаан гээд Иргэний хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргаад үндсэн зээл 11.7 сая доллар болон зээлийн хүү 3.6 сая доллар, нэмэгдүүлсэн хүү 445 449 ам.доллар гээд нийт 15.4 сая ам.долларыг нэхэмжлээд иргэний хэрэг үүсчихсэн шүүх хурал товлогдоод явж байна.

Энэхүү төлбөрийг “Бэрэн групп” ХХК нь бүрэн төлөх боломжтой, төлөхөөр яриа хэлэлцээ хийгдэж байна.

-“Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг зарим иргэд хөгжлийн зээл биш гэж үзээд байх шиг байна энэ талаар таны бодол?

-Хоёрхон жилийн өмнө 1 тн арматурын үнэ дундаж үнэ 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөг байсан боловч одоо зах зээл дээрх 1 тн арматурын дундаж үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг болсноос орон сууцны үнэ 30-40 хувь нэмэгдэж ард иргэд өөрсдийн болон үр хүүхдийнхээ идэх хоол, өмсөх хувцас, сурах хөгжих боломж зэрэг амьдралын ихэнх хэрэгцээгээ хасан байж өндөр үнэтэй орон сууцыг худалдан авч эдийн засгаараа хохирч байна.

Хэрвээ “Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн нэг хэсэг болох гангийн үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд арматураа дотоодоосоо хангаж 1тн арматурын үнэ буцаад 1.900.000 /нэг сая есөн мянга/ төгрөг болж буурах бөгөөд хөөсөрсөн орон сууцны үнэ бууж, хэвийн болох боломжтой юм. “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн хүрээнд нийт 650 айлын газар чөлөөлж, нийгмийн болон инженерийн дэд бүтэц бүхий 2,732 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгө оруулалт болон зээлийн хөрөнгөөр, 2000 орчим айлын орон сууцны барилгыг бусад хөрөнгө оруулагч нартай хамтран ашиглалтад оруулсан.

Түүнчлэн Улсын их хурлаас баталсан “Шинэ сэргэлтийн бодлогo” хөтөлбөрт заасан дагуул хотууд байгуулах болон цахилгаан, эрчим хүч, боомт, үйлдвэрүүд зэрэг бүтээн байгуулалтыг ган, арматургүйгээр явуулах ямарч боломжгүй учир Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хангасан ган арматурын үйлдвэртэй болох ёстой. Яагаад? Гэвэл товчхондоо Ган төмөрлөгийн хэрэгцээнийхээ 90 хувийг импортоор авч 350-400 сая ам.долларын валютын нөөц гадагшаа урсаж байна.

БНСУ зэрэг хөгжингүй улс орнууд үндэсний стратегийн үйлдвэрүүдээс төрөөс дэмжлэн бодлогын хүчээр өнөөдөр эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж байгаа. Энэ бол ихэнх орны хөгжлийн түлхүүр. Гэтэл Монгол Улс яг эсрэг тал руу нь яваад байгаа нь хачирхалтай бөгөөд Улс төрийн зохиолын хохирогчид нь баялаг бүтээгчид болж байна.

-“Бэрэн групп” ХХК-ийг Хөгжлийн банкнаас гангийн үйлдвэрийн зээл авсан талаар буруутгадаг энэ талаар?

-“Бэрэн групп” ХХК энэхүү ажлынхаа хүрээнд жилд 500,0 мян.тн ган үйлдвэрлэх төмөрлөгийн цогцолбор үйлдвэрүүдийг барьж эхний үйлдвэрүүдийг шат дараалалтайгаар ашиглалтад оруулсан. Мөн жилд 200,0 мян.тн ган төмөр үйлдвэрлэх Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийг 2022 оны 2 дугаар улирал гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байсан боловч миний үйлчлүүлэгч болох “Бэрэн групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийг цагдан хорьсон. Үүний улмаас энэхүү үйлдвэр ашиглалтад орох боломжудааширч зээл төлөх боломжийг хааж байна. Мөн Авлигатай тэмцэх газраас “Бэрэн групп” ХХК-ийн хамаарал бүхий бүх компанийн дансыг хааж, үл хөдлөх хөрөнгүүдэд хориг тавьсан. Тэдгээр компаниудын дансдуудыг хааснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож, хэдэн зуун ажилчдын цалин хөлс авах эрхэд шууд халдаж, тэдгээр хүмүүс ар гэр үр хүүхдээ тэжээн тэтгэх боломжийг үгүй хийж байна.

Тэр ч байтугай Б.Мөнхтөр гуайн эхнэр хоёр хүүхэд болон хүүхдүүдийн хүүхэд болох бага насны хүүхдүүдийн бүх дансдуудыг хаасан төдийгүй хүүхдийн мөнгөө авах боломжгүй болгосон зэрэг хэт хүнлэг бусаар шалгаж байна.

-Гангийн үйлдвэр ашиглалтад орсноор ямар ач холбогдолтой вэ?

-Гангийн үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд нийт 3.000 ажлын байр шууд бий болгож манай улсын жилийн 500 сая ам.долларын импортыг орлох стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр бөгөөд “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн эцсийн шатны үйлдвэр болох төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсанаар 70.0 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэр бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 онд нийт төслийн санхүүжилтийн 30% болох 22.7 сая ам.долларын зээл авч тус зээлээр арматурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө оруулалт, үндсэн болон зарим туслах барилга байгууламжийн барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн худалдан авалт, угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэсэн нэмж өөрийн санхүүжилтээр гүйцэтгэн одоогийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай явж байгаа.

УИХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн 106 дугаар тогтоолоор Шинэ сэргэлтийн бодлогыг баталсан. “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3-т “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, 3.2-т Нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ гэж зааснаас гадна жилд 200 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр төслүүд хэрэгжиж дууссанаар 2025 он гэхэд дотоодын гол нэрийн ган бүтээгдэхүүний /арматур гэх мэт/ хэрэгцээний 80 хувийг хангаж, экспортод гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн байна. Бэрэн металл буюу Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрийн төслийг шинэ сэргэлтийн бодлогод оруулан бодлогоор улс дэмжиж байгаад талархаж байна.

Гэвч Монгол Улсын бодлого хөтөлбөр цаасан дээр байхаас бодит байдал дээр байхгүй, бүр цагдан хорьж байгаа Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүхийн байгууллагын үйл ажиллагааг гайхахаас өөр аргагүй байна. Монгол Улс төмрийн хүдэр, кокс нүүрс, шохойн чулууны арвин нөөцтэй хэрнээ өнөөдрийг хүртэл гангийн үйлдвэр хөгжөөгүй нь төр засгийн нэгдсэн бодлого дутуу байсан, гадны хөрш орнуудын түүхий эд бэлтгэгч орон байлгах сонирхол байж магадгүйг нуух юун.

-Мөнхтөр гуайг цагдан хоригдож гарч ирээд гэмт хэрэгт холбогдсон гэсэн мэдээлэл байсан, энэ ямар учиртай вэ?

-2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Зариг.мн сайтад АТГ-ын ажилтан “Бэрэн групп” ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийн талаар мэдээлэл өгөхдөө “…хэргийн холбогдогч суллагдсан даруйдаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоод мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна…, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж суллагдсаны дараа хэргийн холбогдогч дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон..” гэж гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлэл хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг зөвхөн шүүхийн шийдвэрлэх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр АТГ-ын ажилтан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг дахин гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээлсэн. Гэтэл тухайн санхүүгийн баримт дээрх гарын үсэг Б.Мөнхтөрийнх болохыг нотолсон буюу тусгай мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гараагүй, мөн тухайн баримт үйлдсэн гэх тэр хугацаанд нь Б.Мөнхтөр нь цагдан хоригдож байсан бөгөөд хэт яллах тал руугаа хэрэг үйлдсэн мэт гүтгэн харлуулах чанартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна уу гэж харагдаж байна. Анх Б.Мөнхтөрд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа л үндэслэлгүйгээр учир битүүлэг гурван өгүүлбэр бичигдсэн, а5-ын цаасан дээрх бичиг үзүүлээд хорьсон. Тэр хугацааг нь өнөөдрийг хүртэл сунгаад явж байна.

Ингэхдээ бүр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дууссаны дараа энэ хугацааг нь сунгах саналыг прокуророос гаргаад, шүүх тэрийг нь хүлээгээд авчихсан.

-Цагдан хорьсон хугацаа дуусгавар болсон байхад дахин хугацааг нь сунгасан юм уу, шүүхээс?

-Шүүгчийн 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн захирамжаар “…цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасугай” гэж шийдвэрлэн Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байдаг. Энэхүү шүүгчийн захирамжид цагдан хорих хугацааг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэлгэж маш тодорхой заасан тул 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутыг хүртэл хугацаанд л Б.Мөнхтөрийг цагдан хорихоор шийдвэрлэсэн гэсэн үг. Гэтэл прокуророос 2022 оны 04-р сарын 25-ны өдөр буюу Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусгавар болсны дараа уг хугацааг сунгах саналыг шүүхэд гаргасан байдаг. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуроруудын саналыг шүүх 2022 оны 04-р сарын 25-ны өдрийн 10 цагт хүлээн авсан тэмдэглэл бүртгэлд авагдсан. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг прокурор шүүхэд гаргах эрхтэй боловч хугацаа сунгах саналыг тухайн хугацаа дуусахаас өмнө гаргаж, шүүх уг хугацааг дуусахаас өмнө шийдвэрлэж байж сунгагдсанд тооцогддог. Харин шүүгчийн захирамжид дурдсан миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минут дуусгавар болсны дараа прокурорын санал шүүхэд ирсэн тул хугацаа сунгах саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Нөгөө талаар, шүүгчийн захирамж нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан тул шүүхийн шийдвэр гэж тооцогдон, адил хүчин чадалтай үйлчилдэг. Гэвч өөрийнхөө гаргасан захирамжийг шүүх өөрөө зөрчиж, шийдвэрээ биелүүлэхгүй байгаа юм.

-Тэгэхээр таны үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг хууль бусаар хорьсон гэсэн үг үү?

-Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд зааснаар шүүгчийн захирамжид заасан хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байхаар шийдвэрлэсэн тул миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн 23 цаг 59 минут хүртэл л цагдан хорих ёстой.

Гэвч миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2022 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутад дуусгавар болсон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа Цагдан хорих 461-р анги 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 23 цаг 59 минут хүртэл хугацаагаар буюу бүтэн 1 өдрийн турш хорьж ямар нэгэн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэргүйгээр эрх, эрх чөлөөг нь хууль бусаар хязгаарласан.

-Тэгэхээр Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан нь үндэслэлгүй байсан гэсэн үг үү?

-Прокуророос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналын хууль зүйн үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т заасан “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол…” гэж тодорхойлсон.

Миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийг яллагдагчаар татсан эрүүгийн хэргийг 2018 оноос эхлэн АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан гэх бөгөөд уг хэрэгтэй холбоотой гэрчүүдээс мэдүүлэг тайлбар авах, “Бэрэн групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээл, түүний зарцуулалттай холбоотой бүхий л баримтуудыг гаргуулан авсан байх боломжит хугацаа аль хэдийнэ болсон.

Гэтэл хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилаагүй гэдгээр шалтаглан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах саналыг удаа дараа шүүхэд гаргаж байгаа нь хууль бус юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг мөрдөх, бодит байдлыг нь тогтоох мөрдөгчийн үүрэг бөгөөд хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаагийнхаа төлөө хүний эрхийг хязгаарлах саналыг шүүх гаргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөр нь яллагдагчаар татсан тогтоолтой танилцах хүртлээ өмнө нь ямар нэгэн байдлаар гэрчээр дуудагдаагүй, мэдүүлэг өгч байгаагүй, уг хэрэгт хэнийг хохирогчоор тогтоосон, хэн гэдэг гэрч мэдүүлэг өгсөн талаарх ямар ч мэдээлэлгүй байсан тул Б.Мөнхтөрөөс шалтгаалан хэргийн ээдрээ төвөгтэй байдал бий болсон асуудал байхгүй.

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийг хамгаалсан суурь долоон гэрээ конвенцийг соёрхон баталж, нэгдэн орсон. Тэдгээрийн нэг болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 29 дүгээр зүйл, мөн Монгол Улсын 1974 онд соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 2-т “Шүүхийн өмнөх шатанд байгаа хүнийг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралд оролцох, шүүн таслах ажиллагааны аль ч шатанд байлцах баталгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно”, 14 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй” гэж заасан. Ийм боломж бололцоог ч хууль, хяналтын байгууллагаас олгохгүй зөвхөн хорьж байж мөрдөх гээд байгаа нь муйхар арга юм. Эрүүгийн процессын хуульд өөр авч болох олон таслан сэргийлэх арга хэмжээ байгаа боловч хамгийн хүндийг нь сонгон хэрэглэж байгаа нь хүний эрхийг дордуулж байгаа юм.

Үндсэн Хуулийн 10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, гурав дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан бөгөөд шүүхээс Монгол Улсын соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын заалтыг хэрэгжүүлэх боломтой байхад хэрэгжүүлэхгүй, сахин биелүүлэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

-“Бэрэн групп” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтөрийн эрүүл мэндийн байдал муу байгаа гэж сонссон, энэ талаар тодруулбал?

-Миний үйлчлүүлэгч Б.Мөнхтөр нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БНСУ-д ходоодны хорт хавдрын хэвлийн хөндийн дурангаар тайрах мэс засалд орж ходоодоо тайруулсан. Мөн 2017 оноос хойш нойр булчирхайн гетеротрофик бактеритай гэсэн онош гарч нойр булчирхайн архаг үрэвсэлт өвчнөөр өвдөж, давхар чихрийн шижингийн хам шинж илэрч, арьсан дээр буглаат тууралт өгч байна. Дээрх өвчний шинж тэмдгүүд үе үе илэрч, заримдаа даралт ихсэх, ходоод хямрах, цусаар бөөлжих, ухаан алдаж унах тохиолдол олон удаа гарч байсан учир одоог хүртэл тогтмол эмчийн хяналтад байж, хоолны нарийн дэглэм баримталж, өдөр бүр даралтаа хэмжиж, олон төрлийн эм ууж байдаг юм.

Өмгөөлөгчийн зүгээс өөрийн үйлчлүүлэгч Б.Мөнхтөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн дүгнэлт, эмнэлгийн тодорхойлолт, амбулаторийн бичиг, оношийн баримтууд, түүний хүүгийн тархины хорт хавдрын улмаас хүнд мэс засал хийлгэж, одоо ч эмчийн хяналтад байгаа тухай зэрэг өөрийнх нь болон хүүгийнх нь эрүүл мэндтэй холбоотой 50 гаруй хуудас материалыг таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэг бүрт гарган өгч байсан бөгөөд энэ нь шүүхийн архив, хавтаст хэргийн материал, Цагдан хорих 461 дүгээр хорих ангид байгаа гэж ойлгож байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Мөнхтөрийг анх цагдан хорих арга хэмжээ авахдаа түүний эрүүл мэндийн байдалд дүгнэлт хийж, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан 20 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж байсан.

Гэтэл анх цагдан хорьсноос хойш хоёр ч удаа хугацааг нь сунгаж 60 хоногийн хугацаа аль хэдийнэ өнгөрчихөөд байна.