Categories
мэдээ нийгэм

Монголоор дүүрэн дурны хонгио сэтгүүлчид DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Сэтгүүл зүй, сэтгүүлчдийн нэр хүнд өнөөгийн манай нийгэмд арай л доошоо орчихлоо. Захын нэг бичээч энэ салбар руу дайрч, сэтгүүлчийнх нь мэдлэг боловсролгүйг гайхан зүхэх юм. Өөр нэг бичээч түүнийг уухайлан дэмжиж, ингэж бичиж болох болохгүйг заахаар уралдаж байна. Монголд тогтмол хэвлэл үүсээд 100 гаруй жил болсон. Алдаатай, оноотой ч Монголын сэтгүүл зүй хэмээх энэ өрх айл төдийгөөс өдий хүртэл өөрийн үүргээ гүйцэтгэж, цаг үеэ дагаж хөгжиж шинэчлэгдэж л явна. Харин нийгмийн сүлжээнд хүн бүр идэвхтэй оролцдог болж, тэнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж нь нээгдээд ирмэгц хүн бүр өөрийгөө сэтгүүлч хэмээн эндүүрч бодох болов. Юу бодож байгаагаа бичээд, дургүй нэгнээ шүүмжлээд, түүнийг нь хэдэн хүн магтчихаар “сэтгүүлч шиг амархан мэргэжил байдаггүй юм байна. Энэ хэдэн мангуу над шиг ингээд бичээд байж чаддаггүй юм байх даа” хэмээн нийгмээрээ бүгд сэтгүүлчид болчихсон шаагилдаж байна. Та нар анзаарч нэг хараарай, бараг үсэг холбодог болгон сэтгүүлч болчихсон давхиж явна. Сайдаас буугаад сэтгүүлчээ хийнэ. Парламентын гишүүнээ болиод сэтгүүлч болно. Бүр өглөө Ерөнхийлөгч, орой сэтгүүлч ч болчихсон байх шиг. Сайд М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” гэсэн асар өндөр өртөгтэй төсөл хийгээд ч явж байх шиг. Эдийн засагч Жаргалсайхан нэвтрүүлэг хөтлөөд сууж байна.

Жиргээчээс эхлээд жирийн хүн бүр их сэтгэгч болж, бусдад зааварлаж, бааварлаж, их мэдэж байгаа энэ их хөөсрөлд жинхэнэ сэтгүүл зүй ч унажээ. Сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болдог үнэн бодит цогц мэдээлэл, анализ тайлбар тойм, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэв хэмжээнээс давсан үйлдлийг эрэн сурвалжиж илчилсэн сурвалжлага ч энэ их хөөсрөлд тоогдохоо болив. Мэс засалч эмчийг хэн ч шүүмжилж болдог. Гэхдээ хэн ч түүний оронд мэс засал хийж чаддаггүйтэй нэгэн адил сэтгүүл зүйн мэргэжлийн гал тогооныхон ч сайн дурынхнаас ялгарах сайн бүтээл, контентууд олноор нь хийхэд анхаарах хэрэгтэй болжээ. Сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг зөрчөөгүй эрэн сурвалжилсан сурвалжлага, сонирхолтой нийтлэлүүдийг мэргэжлийн сэтгүүл зүйн гал тогооныхон л хийж чадна.

Улаанбаатарт хоёр машин мөргөлдөх, хажуугийн байшинд түймэр гарахыг хэн ч гар утсаараа бичээд, шүүмжилмээр санагдвал шүүмжилж болно, магтаж ч болно. Харин 1000 кмийн цаана болсон үйл явдал руу сайн дурынхан явах уу. Тийшээ мэргэжлийн баг, хамт олон л хэдэн төгрөгөө үрэн идэх хоол, унтах нойроо хугаслан зүтгэдэг юм. Газар дээрээ байдал ямар байгааг үзүүлэхийн зэрэгцээ үйл явдлын учир шалтгааныг маш олон эх сурвалжаас баталгаажуулан уншигч, үзэгчдэдээ хүргэдэг юм.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хуулиудын тухайд ч уншигчдадаа хүргэхийн тулд чамгүй хөдөлмөр зарцуулдаг. Хуулийн төсөл өргөн баригчаас нь ярилцлага авна. Тухайн хуулийг хэлэлцсэн УИХын чуулган, байнгын хорооны сурвалжлагыг нийтэлнэ. Хуулийн үзэл санаа, манайд хэрэгтэй эсэх тухайд хөндлөнгийн судлаачийн үгийг сонсоно. Эцэст нь тухайн хуулийг шүүмжилж байгаа хүний үзэл бодлыг сонсоно. Энэ мэт сэтгүүл зүйн мэргэжлийн гал тогоонд нэг үйл явдлын эргэн тойронд хамгийн багадаа гурваас дөрөв, түүнээс ч олон эх сурвалжтай уулзаж, мэдээлэл ярилцлага авч нэг контент бэлддэг.

Орондоо хэвтэж байгаад шүүмжлэх нэг өөр. Олон хоногийн хөлс хөдөлмөрөөр бүтсэн бүтээл огт өөр гэдгийг уншигч, үзэгчид ялгаж салгаж мэддэг ч сэтгүүлчдээс илүү чанартай бүтээлч контентуудыг шаардаж байгааг мартаж болохгүй. Сайн дурынхан дуурайж чадахааргүй тийм мэргэжлийн, чанартай, мэдрэмжтэй, сонирхолтой контентууд бүтээх шаардлага сэтгүүл зүйн мэргэжлийн баг, хамт олонд тавигдаж байна. Сэтгүүлчид, сэтгүүл зүйн мэргэжлийн хамт олон одоо хийж байгаагаа улам сайжруулах нь зүй ёсных юм. Мөн сэтгүүлчийн ёс зүй, мэдлэг боловсролд олон нийт чамлалттай ханддагийг мэргэжлийн сургуулийн багш нар анхаарах ёстой. Одоо байгаа сургалтаа өөрчлөх, шинэчлэх зүйл байх л ёстой. Ингэж сэтгүүл зүйн мэргэжлийн хамт олон, халуун гал тогооныхон, энэ салбарын багш судлаачид анхаарахгүй бол өөрсдийгөө сэтгүүлч болчихсон мэтээр төсөөлж буй хэлбэр хөөгчдийн хөлд хөлбөрч гүйцлээ.

Шинэ сэтгүүл зүй буюу орчин үеийн сэтгүүл зүйн үндсийг тавьсан ноён Пулитцер аль 1900гаад оны үед “Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдаг. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн сэтгүүлчдэдээ хэлдэг байжээ. Үүнтэй адил баримт нотолгоонд тулгуурласан мэргэжлийн ур чадвар бүхий олон төрлийн чанартай контентууд л сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн нэр хүндийг өргөж, сайн дурынхнаас ялгаруулна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-ын “золионы таван” гишүүн ард түмэнтэйгээ нийлж тэмцээд “хожооны тав” болох боломжтой байна DNN.mn

МАН нүүрсний хулгайд холбоотой хэмээн өдгөөгийн УИХ-ын гишүүн, өөрийн намын таван хүний нэрийг нийтэд дэлгэлээ. Нийтэд нэрээ зарлуулсан УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар нар харин үүнийг няцааж, өөрсдийгөө нүүрстэй ямар ч холбоогүй гэцгээж байна. Тэдний яриаг сонсоход үнэхээр л таван гишүүнээ золионд явуулжээ гэж ойлгогдохоор байна. Үлгэрлэвээс, МАН-ын 65 гишүүн арслан барс мэт ард түмний жагсаалд хашигдан аргагүйдээд ирэхээрээ хамгийн чимээгүй, хамгийн фракцгүй, номхон таван гишүүнээ жагсагчдын “аманд хаяж” өгчээ. Уурсаж улангассан ард түмэн энэ тавыг тасчиж идээд тайвшрах ухаантай юм уу даа. Таван гишүүн ч золинд явахгүйн төлөө амиа гартал тэмцэхээ илэрхийлж байна. Тэр ч мэдээж юм, хэн хаа хамаагүй хүмүүсийн төлөө “тахилын ямаа” болохыг хүсэх билээ дээ.

Гэхдээ энэ таван гишүүн ор цэвэр хүмүүс ч биш биз. Тэгээгүй бол юу гэж энэ олон улангассан трактор байсан ч тасчиж идэхээр болчихсон хүмүүсийн аманд хаяхав. Овойж оцойтол нь биш юм гэхэд идсэн уусан зүйл байгаа л байх. Ямартаа ч хууль хяналтынхан шалгахад гогдох зүйлтэй гишүүд мөн ч 40 их наядаар нь дээрэмдэж идээгүй л болов уу. Тэд ингэж идэж уухад бидний хүч яаж ч бодсон хүрэхгүй. Тэгдэг хүмүүс нь тусдаа танк шиг амьтад энэ ордонд байгаа шүү гэцгээгээд байгаагаас харахад.

Гэхдээ эдний эгдүүцээд байгаа зүйл нь жинхэнэ идээчин уугаачдаа хаацайлаад, “номхон тэмээ ноолоход амар” гэгчээр өөрсдийнх нь нэрийг зарлалаа гэдэгт байгаа юм. Нүүрсний хулгайчдын гол гүйцэтгэгчид нь ордонд заларч, уснаас хуурай гарахаар өөрсдийг нь золиосонд шидэж өгч байгаад хэн ч дургүйцэх нь гарцаагүй. Нэр дурдагдсан таван гишүүний алинаас нь ч хууль хяналтынхан дуудаж асуусангүй, байцаалт энэ тэр авсангүйгээр шууд л нэрс зарлаж байгаа нь МАН энэ таван гишүүнээ дорд үзэж, басамжилж байгаагийн тодоос тод илрэл. Энэ муусайн хаачив л гэж, бүүр болохгүй бол жагсагчдаар бариулчихна гэсэн тооцоолол байгаа байх.

МАН-аас золионд гаргаж байгаа таван гишүүн АТГ-ын өмнө зорин очиж мэдэгдэл хийхдээ ч, чуулганы танхимд ч, цахим хуудсаараа ч “Бид тавд нүүрстэй холбоотой нэг ч гишүүн байхгүй ээ. Та нарын хэн нь хэн гэдгийг мэднэ ээ. Үүнийг ордон дотроос хийж байгаа. Харин ч зүгээр юм боллоо. Одоо бид ард түмэнтэйгээ нийлж, нүүрсний хулгайчдыг бүгдийг илрүүлнэ. Жинхэнэ хулгайчдаа илчил. Нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна” гэцгээж байгаа. Гишүүд маань энэ хэлсэн үгэндээ хүрч ажиллаарай гэж захимаар байна. Энгийн биднийг бодвол мэдээлэлд ойр байдаг болохоор таван гишүүнд баримт материал хангалттай олдоно. Дуулсан сонссон юм ч их биз.

Бидний дуулаагүй, мэдээгүй болгоныг баримт факттай нь дэлгэн тэр алдагдсан их хөрөнгийг ард түмэндээ олж өгөхийн төлөө тэмцжээ. Тэр бүгдийгээ баримтуулж, ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний хулгайчдыг илрүүлэхэд хамтран зүтгэх хэрэгтэй. Ингэвэл жинхэнэ үнэн мөн нь тодорч, хэн нь хэн бэ гэдгийг ард түмэн бодитоор харах болно. Ингэвэл золионд гаргасан таван гишүүн харин ч хожилын туг мандуулж хожооны таван гишүүн болж мандах болно. Та таван гишүүн хэрэв ингэж ард түмэнтэйгээ нэгдвэл, зориг зүрхтэй байвал, ард түмнийхээ итгэлийг дааж чадвал өөрсдийг чинь зольж байгаа хүмүүсийн оронд ч очих боломжтой шүү.

Хүний нэр төр гэдэг халдашгүй. Ээж аав, эхнэр хүүхэд, ах дүү, найз нөхдийнхөө өмнө хэн ч “хулгайч” гэж дуудуулахыг хүсэхгүй. УИХ-ын гишүүд бол бүр нэмээд сонгогчдынхоо өмнө нэр төрөө гутаалгахыг хүсэхгүй нь тодорхой. Гэмт хэрэгтэн, хулгайч гэж шууд ойлгогдохоор улс орон даяар цоллуулсан хүмүүсийн хувьд нэр төр нь хэрхэн унаж байгааг харах, мэдрэх нь гутамшиг юм. Хэрэв энэ таван гишүүн өөрсдөө үнэхээр хулгай худал хийгээгүй юм бол нэрээ цэвэрлэхийн төлөө тэмцэхгүй бол болохгүй. Намын нэр хүнд, дахиж дэвших гэх мэт элэрсэн баларсан юм бодоод дуугүй өнгөрвөл тэдэнд үлдэж хоцрох үр дагавар нь уршигтай бөгөөд хорлонтой. Тэдний хамаатан садан, үр хүүхдүүд нь энэ хар толбыг үеийн үед үүрэн явах бөгөөд хэзээд “нүүрс хулгайлж эх орноо тоносон” гэх хар шошгыг нүүрэндээ наан амьдрах болно. Үргэлж хоёрдугаар эгнээнд байх ял оногдуулж байна аа гэсэн үг юм.

Тиймээс тодорсон таван гишүүн маань ард түмэнтэйгээ нэгдэж нүүрсний хулгайчдыг илрүүлэхийн төлөө эргэлт буцалтгүй, зогсолтгүй зүтгэх л үлдлээ. Ингэж тэмцэхгүй бол МАН-ын нэр хүндийг аврахын төлөө та таван гишүүн золионд гарч байна. Үнэхээр энэ бүгдийг үүрэхэд хотойхооргүй юм намаасаа хүртсэн бол ч яая гэхэв. Юм хариутай байдаг болохоор бидний ээлж иржээ л гэж бодох биз. Хэрэв үнэхээр тийм л биш өөрсдийх нь яриад байгаа шиг ном дүрмээрээ явсаар энд хүрч золигт гарч байгаа бол харамсалтай юм.

Хонь гаргах гэж дээш нь харуулах үед “эзэн минь ийм өгөөмөр, тэнгэр харж чаддаггүй надыг тэнгэр харуулана гэж яаж бодож чадав аа” гэж хоромхон зуур баярлаж сүйд болдог гэж бид хошигнодог. Өөрсдийн чинь нэрийг зарлахад тэгж л хөөр хөс болоогүй бол, тэгээд худал хулгай хийгээгүй юм бол та бүхэн жагсагч түмэнтэйгээ нийл ээ. Эрх баригчид номхон томоотой таван гишүүний нэр зарласнаар (та бүгдийн өөрсдийн хэлснээр шүү) жагсагчдын уур омгийг дарж, нийтэд хулгайчаа дарсан нэр олоод тайван жаргах санаатай байх. Хэрэв худал нэр зарлаж байгаа бол тэд хулгайгаа болихгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхлээр хулгай хийх санаархлыг үгүй хийж, ард олонд үнэн мөнийг таниулах боломж та бүхэнд байна. Яагаад гэвэл та бүгд ард олноосоо мандат авч ард түмнээ төлөөлөх эрх авсан гишүүдийн маань нэг билээ. Ард олон хулгай, худлыг зогсоох хүсэлтэй байгаа нь та бүгдээр дамжин хэрэгжих ёстой юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Түндэвийн Цэнд: Аав нь өөрийнхөө үед Монгол Улсынхаа гал голомтыг нэр төртэй сахиж чадсан гэж хүүхдүүддээ хэлдэг юм DNN.mn

Түндэвийн Цэнд хэмээх эрхэм хүмүүнтэй ярилцлаа. Т.Цэнд гуайг Монголын уул уурхайн хөгжлийн түүхэн товчоон гэж хэлж болохоор юм. Уулын инженер, цахилгааны механик мэргэжлээр Эрхүүд дээд сургууль дүүргэж ирсэн залуухан мэргэжилтэн дөрвөн сар уурхайд хар бор ажлыг хийж эхэлсэн тэр цагаас салбарынхаа дэд сайд хүртэл тасралтгүй 40-өөд жил уул уурхайн салбарт зүтгэжээ. Түүний амьдрал бол их бүтээн байгуулалт, нөр их ажлын түүх ажээ. Ахмад уурхайчин Монгол Улсын зөвлөх инженер,Уул-Олхонууд овогт Т.Цэндийн ярилцлагыг хүргэе.


-Та аль нутгийн хүн бэ. Нутаг ус, бага насны дурсамжаас яриагаа эхэлье?

-Би чинь 1945 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн хүн. Анх нэгдүгээр ангид ороход сумын төв дээр ганцхан цагаан байшин байсан нь сургууль. Манай ангид 18, 19-тэй хэд хэдэн хүн, хамгийн бага нь би найман настай байсан. Нэг хэсэг хүмүүс хүүхдүүдээ сургуульд өгдөггүй, зугтаадаг үе байлаа.

-1953 он гэхэд сургуульд сурах талаар жигдрээгүй л байж дээ…

-Жигдрээгүй байсан. Манай ангид том том залуучууд сурч байсан. Дөрөв төгсөхөд над шиг багачууд л үлдээд томчууд бүгд хөдөө гараад явчихсан. Уншиж, бичдэг болоод гарчихаж байгаа юм.1963 онд аравдугаар ангиа төгсөөд Иркутскийн Политехникийн дээд сургуулийн хуваарь авсан. Тэр зунаа хотод ирээд дахиж шалгалт өгч сургуульдаа тэнцээд найман сарын эхээр хойшоо явсан. Тэгэхэд хичнээн ч вагон байсан юм, долоо, найман зуугаад хүүхэд дүүрэн явж байсан. Наушик дээр зөвшөөрсөн 10 рублиэ солиулж аваад Иркутскт бууж байлаа. Тэр үед хэлний бэлтгэл ч байгаагүй, шууд л хичээлдээ орсон. Мөн л насаараа ч, биеэрээ ч ангидаа хамгийн бага нь би. Манай ангид 13 жил уурхайд ажилласан 35 настай залуу байлаа. Ангийнхны ихэнх нь цэрэгт явсан, гэр бүлтэй хүмүүс. Ийм л ангид орж, таван жил сурч 1968 онд уулын инженер, цахилгаан механикч мэргэжлээр төгсөж ирсэн дээ.

-Та нарыг ирэхэд шууд л ажилд хуваарилдаг байсан үе биз?

-Тэгсэн. Төв аймгийн Зоргол хайрханы уурхай буюу Их хайрханы уулын үйлдвэрт хуваарилсан. Бавуугийн Лхагвасүрэн гуайн нутаг даа.

-Юуны уурхай вэ?

-Вольфрамын гүний уурхай. Гадаадад мэргэжлийн сургуулийг нь дүүргээд, яамны томилолтоор очсон намайг дөрвөн сар орчим вагон түрэгч, цахилгаанчин, гагнуурчин гээд юу л байна бүгдийг хийлгэсэн. Одооныхтой адил шууд инженерээрээ ажиллана гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгж л хаана нь юу байдаг, яаж ажилладаг гээд ажлын байртай танилцуулж байж. Эхнээсээ ажлаа сайн эзэмш гэсэн санаа байж л дээ. Дөрвөн сарын дараа би ерөнхий механикаар томилогдсон. Гүний уурхайн дор байгаа бүхий л зүйлийг хариуцахаас гадна газрын дээрх дизель станц, авто гараж, агааржуулалтын систем гээд техникийн холбогдолтой бүхий л тоног төхөөрөмжийг ерөнхий механик хариуцдаг байсан.

-Хэр том уурхай байсан вэ?

-200-гаад метрийн гүнд олборлолт явуулдаг боломжийн уурхай байсан. Их хайрханы уурхай бол хаагдан хаагдталаа тухайн жилийнхээ вольфрамын төлөвлөгөөг биелүүлсэн. 1972 онд нөөц нь дуусаад хаагдсан. Уурхайн суурин дээр хожим нь Баян-Өнжүүл сум байгуулагдсан юм. Дараа нь Дорноговь Хэнтийн зааг дээр байдаг Хажуу улааны жоншны далд уурхайд томилогдсон.

-Та жоншны уурхайд удсан уу?

-Хоёр жил ажилласан. Нэг өдөр уурхайн дарга дуудаад “Чамайг яамнаас дуудаж байна” гэдэг юм. Ингээд яаманд мэргэжилтэн боллоо.

-Яагаад гэнэт яамнаас дуудсан юм бол…

-Яагаад дуудсаныг тэр үедээ гайхаад л өнгөрсөн. Тэгтэл яг тэр үеэр “Монросцветмет” байгуулагдаж, миний ажиллаж байсан уурхай харьяанд нь очсон юм билээ. Намайг “Монросцветмет”-д өгөхгүй л гэж яам руу татсан гэдгийг бүүр сүүлд нь мэдсэн. Яаманд салбарынхаа гадаад захиалган дээр суусан. Хойшоо явж гэрээ хийнэ. Тэр оныхоо 12 сар болоход “төлөвлөгөө биелэхээ болилоо. Хариугүй тасарчих гээд байна” гээд Пэлжээ сайд намайг хоёр маркшейдэртай хамт Хар айргийн жоншны уурхай руу томилолтоор явууллаа. Очоод гурвуулаа гурван хэсэгт ажиллалаа. Арванхоёрдугаар сарын 31 гэхэд хамгийн сүүлийн вагоныг ачаад хилээр гаргаж байлаа. Ямар ч байсан хойшоо явуулах төлөвлөгөөг таслалгүй биелүүлсэн дээ.

-Яамнаас мэргэжилтнүүд томилох хүртэл төлөвлөгөө тасрах гээд байж дээ…

-Одоотой харьцуулахад орчин нөхцөл огт өөр л дөө. Одоо бол техник, технологи, ажиллах мэргэжилтнүүд нь бүгд бэлэн байна, бүгд атаархмаар гоё болжээ. Намайг анх уурхайд очиж байхад уурхайчид гээд морь унасан залуучууд л байсан. Өрөмддөг хүн нь, малтдаг нь ч, тэрэг түрдэг нь адилхан ажил дуусахаар мориндоо мордоод л давхичихдаг. Ямар ч слесарь байхгүй. Уурхай усанд авахуулчих гээд байхад тэнд очих хүнгүй, бүр яахыгаа ч мэдэхгүй. Ийм л байсан. Шаварт унасан шарын эзэн гэгчээр тэр бүгдэд явж янзална, засна, сэлбэнэ. Ямар сайндаа инженер-механикчийг муу хайнаг гэж байхав дээ.


-Муу хайнаг аа?

-Хайнаг бол хамгийн хүчтэй, хамгийн их ачааг үүрдэг амьтан. Механик гэдэг үгээ тэр утгаар нь муу хайнаг гэж нэрлэж байхгүй юу. Ер нь механикч хүн бол бүх зүйлийг түүчээлж явдаг. Хичнээн баатар байлаа ч ажиллах техникийг нь бэлдэж өгөхгүй бол юу ч хийж чадахгүй шүү дээ. Тийм учраас хаа газар инженер-механик хүн бол өглөөнөөс орой хүртэл зүтгэж л байдаг. Яаж ч илүү цагаар ажилласан илүү цагийн мөнгө боддоггүй, ингэж л ажиллах ёстой гэдэг байдлаар явдаг байсан. Нэг ёсны нэргүй зарц нар байсан юм. Олон уурхайд урт, богино хугацаанд ажиллаж байлаа. Анх Их Хайрханы уурхайд очиход толгойн гэрэл гэж ч юм байгаагүй. Карбит кальциар ажилладаг гүц хэлбэртэй дэнлүү барьж явна. Жаахан ус хийгээд шүдэнз зурахад маягтай гоё гэрэлтэнэ. Түүнийгээ доошоо гүн рүү барьж ороод, нэг газар тавьчихаад өрөмдөх ухах ажлаа хийдэг.

Юмаа жаахан мэддэг болоод ирэхээр хамт олон жигдрээд ажил ч урагштай болж ирсэн. Хамт олны зүг чигийг нь олохгүй “хийх ёстой” гээд зандраад байх юм бол юу хийхээ мэдэхгүй хүмүүс ажиллаж чадахгүй. Жишээ нь, слесарь хийдэг хэдэн хүнд л гэхэд тухайн тоног төхөөрөмжийг нь өөрөөр нь задлуулна. Үүнийг нь ингэнэ, ингэж ажиллана, энэ байхгүй бол сорохгүй шүү гэх мэтээр нэгбүрчлэн хэлж тайлбарлана. Аргыг нь зааж өгнө. Тэгж байж л гайгүй хэдэн мэргэжилтэнтэй болно. Түүнээс биш цаасан дээр зураг зурж тайлбарлаад ойлгохгүй, яг л бодит байдал дээрээ ноцолдож байж толгойд нь суулгаж өгдөг. Ингэж ажил эхэлж байлаа.

-Яаманд дуудагдаж ирээд хэр удаан ажилласан бэ?

-Яаманд хоёр жил хэртэй ажиллаж байхад буюу 1975 онд Пэлжээ сайд дуудлаа. “Налайхын уурхай их бүтэлгүй байна аа. Хэдэн техник нь байсхийгээд л эвдрээд болохгүй юм. Яаж ч шахаж шаардаад ажил олигтой болж өгөхгүй байна. Чамайг л явуулна даа” гэж байна. Тэгээд сайдын тушаалаар 1975 оны наймдугаар сард Налайхын уурхайд ерөнхий механикаар очсон.

-Налайх таныг очиход ямархуу байв?

-Монголын уурхайн түүхийг 1922 оны 12 дугаар сарын 25-нд Налайхыг улсын үйлдвэр болгосноор тоолдог. 1957 онд өргөтгөл хийж, Налайхын их уурхай гэж нэрлэдэг болсон байсан. 1400-гаад ажиллагсадтай, 25 гаруй хэсэг цехтэй, гүний уурхай. Анх очоод танилцахад хэцүү хүнд зүйлүүд их байсан. Эцсийн эцэст хаана ч ялгаа байхгүй үр дүн бол хүнтэй л холбоотой байдаг юм. Өмнөх жижиг уурхайнуудыг бодвол инженер техникийнхэн олон, гүнд ажиллаж байгаа уурхайчид нь мэргэшсэн байсан болохоор ажил хийх урамтай.

-Налайхын уурхайд хэр удаан ажилласан билээ?

-1981 оны аравдугаар сар хүртэл ажилласан. Сүүлийн хоёр жил үйлдвэр эрхэлсэн орлогч дарга болсон. Налайх бас л чанга байсан. Хуучин малталтууд нь шатаж, зарим үед угаарт цохиулчих гээд хэцүү зүйлүүд бишгүй. Гэхдээ яахав тэр олон хүн, ажлын хамт олонтой сайхан л ажилласан.Налайх бол тухайн үедээ гүний нүүрсний ганц том уурхай байсан юм.

-Налайхын үйлдвэрийн ерөнхий механикийн нэг өдрийн ажлыг зураглаж хэлээч. Юу юу хийдэг байв гэх мэтээр…

-Өглөө очоод бүх хэсэг, цехийнхээ ажилтай танилцана. Ер нь хувцсаа өмсөөд л доошоо орно. Ямар байдалтай байна, өөрчлөгдсөн юм юу байна гэдгийг нэг бүрчлэн шалгана. Дараа нь тэр бүгдийг ажиллуулах хүмүүст нь үүрэг даалгавар өгнө. Ингэхэд багадаа тал өдөр болно. Заримдаа гэмтэл гарсан хэсгийг засч явсаар байтал бүтэн өдөржингөө гүнд ажиллана. Үнэхээр болохгүй болсон зүйлийг дээш нь гаргаж, засварын цехэд өгнө. Оройны ээлж өнгөртөл байна. Ээлж эхлээд ажил жигдрээд иртэл явахгүй. Ингэсээр байтал шөнийн 12 цагт л гэрийн бараа хардаг байлаа. Заримдаа дөнгөж гэртээ орж ирэхэд араас дуудлагын машин давхиад ирнэ. Шөнө орой ялгаагүй дуудлага л ирсэн бол дуугүй явах ёстой. Юм болгонд л механик явна даа.

Уурхайн гүн дэх том том комплексүүдийг зөв л ажиллуулахгүй бол уулын даралт дээрээс дараад л байна шүү дээ. Туузан конвейр гээд манайхан яриад байдаг даа, ойролцоогоор гурван зуугаас гурван зуун хорь орчим метрийн уртаар конвейруудыг манайхан монтажлаад хос гинжтэй конвейрыг (80-100м урт нь) лаавынхаа аманд тулгаж монтажлаад ажил үргэлжилнэ. Нөгөө хэдэн конвейрүүдийг алсын удирдлагатай болгон, хамгийн эхний конвейрын толгойноос удирддаг болгосон гэх мэтээр юм юм л сэтгэж амжилттай л ажиллаж байлаа.

-Ажил нүргэлж байж дээ…

-Ёстой нүргэлнэ. Өдөр шөнөгүй л бужигнана. Өглөөний 06:00 цагаас эхлээд нэгдүгээр ээлж хүртэл засварын бригад ажиллана.

-Таны ажил бас 06:00 цагт эхлэх үү?

-Тэгэлгүй яахав. Би бүр хэсэг, цехийн дарга нарыг өрөө өрөөнд нь тэр үеийн 200-гийн цагаан ор засуулж байлаа. “Та нарыг араас чинь дуудах машин хүрэхгүй байна, эндээ хонож ажлаа дуусга” гээд хонуулж байлаа.

-Ямар тохиолдолд тэгж хонодог вэ?

-Нүүрс хүрэлцэхгүй, Улаанбаатар хот хөлдчих гээд хэцүү байсан үе. Хотын дарга Алтангэрэл, хотын намын хорооны дарга Лантуу нар “хот хөлдчих гээд байна” гээд

үстэй дээл, эсгий гуталтай ирээд биднийг манаад суучихна. Тэдний дэргэд сууж байхаар гээд манайхан бүгд доошоо орчихно. Тэгж л ажлаа явуулдаг, хэцүү үе байсан. Улаанбаатарыг тавьж туучих гээд хэцүү байсан шүү.

-Нүүрсний олборлолт хүрэлцэхгүй байсан гэсэн үг үү?

-Гаргаад байгаа нүүрс нь хүрэлцэхгүй, хүчин чадал нь тийм л байсан.

-Өвөл бүр ийм байсан уу?

-Яг миний ажиллаж байсан жилүүд буюу 1980, 1981, 1982 онд маш хүнд байсан. Улаанбаатарыг Шарын гол, Налайх хоёр нүүрсээр хангадаг байсан юм. 1980-аад оны үед Дархан, Эрдэнэт хот байгуулагдаж, Шарын голоос ирдэг нүүрсний нэлээд хувь нь Дархан, Эрдэнэт рүү явдаг болсноос ийм хомсдол үүсээд байсан хэрэг. Хүрэлцэхгүй байх тусам хүний толгой их ажилладаг юм. Юм ховор байх тусам “Одоо яах билээ” гэж үргэлж бодож шийдэл гаргаж байдаг. Дараа нь дөрөвдүгээр станц, Багануурын уурхай хоёр нэг төслөөр байгуулагдаж байж л хот хөлдөх аюулгүй болсон юм даа.

-Та Налайхын уурхайд долоо орчим жил ажиллажээ. Би үүнийг хийсэн юм даа гэсэн бахархал юу вэ?

-Наад зах нь Монголд анх удаа суналтаараа1000 метрийн урттай лаавыг монтажлаад ажиллуулж байлаа даа. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ нь сайжирч тасралтгүй ажиллаад ирэхээр гардаг нүүрс нь ч нэмэгдээд ажил жигдрээд ирж байгаа юм. Бидний ажил бол нэр байдаггүй. Бүх юмыг нь засч бэлдэж өгөөд ажиллуулахад бэлэн болгоно. Түүгээр ажилласан хүмүүс нь алдар гавьяаг нь авдаг. Тэгэх ч ёстой юм. Уурхайн бүхий л тоног төхөөрөмжийг нь тасралтгүй ажиллагаатай байлгаж, зохион байгуулж удирдаж байх нь миний ажил. Хамгийн чухал нь

уурхайн аюулгүй ажиллагааг хангах. Би бүтэн сайн өдөр амарч үзээгүй. Нойр хоолгүй явах өдрүүд ч гарна. Ээлжийн амралт авч үзээгүй долоон жил ажилласан. Гэр орондоо ч үзэгдэж харагдах нь ховор байлаа. Нэг удаа уурхайд хонон өнжин ажиллаад гараад ирэхэд манай хөгшин хоёр жаахнаа дагуулчихсан хоол цай авчраад хүлээж байж. Тэднийгээ хараад инээхэд зөвхөн нүд, шүд хоёр нь л гялалзаж байсан гэж ярьдаг юм.

-Налайхаасаа яамны орлогч сайд болтлоо дэвшжээ. Таныг шууд л дуудаад сайд болгочихов уу?

-Үгүй юм аа. Өдөр шөнөгүй, амралтгүй олон жил ажиллахаар хүн бас ядардаг юм билээ. Тэгээд өөр ажилд оръё гэж бодоод Намын дээд

сургуульд шалгалт өглөө. Шалгалт өгсөн хүмүүсийг Хотын намын хороо хуваарилдаг юм байна. Нэг өдөр намайг дуудлаа. Хотын намын хорооны дарга Алтангэрэл гуай “Чи чинь яамнаасаа зугтаж яваа хүн үү. Очирбат сайд чинь чамайг дуудаад байна. Оч” гэлээ. Яаман дээрээ очиход П.Очирбат “Чи чинь хаагуур яваад байнаа. Юу гэж чамайг бид тавьж явуулах вэ дээ. Чи жаахан л тэвч” гэж байна. Тэгээд яахав, уурхайдаа ажиллаж байгаад 1981 оны арваннэгдүгээр сард Төв хорооны хурлаар орж Түлш эрчим хүчний яамны орлогч сайд болж байлаа.

-Албан тушаал дээшлэх тусам ажил хөнгөрдөг гэдэг. Орлогч сайдын алба ямархуу байв даа?

-Бас л нүсэр их ажил угтсан. Өвлийг давна гэдэг чанга байлаа шүү дээ. Би түлш эрхэлсэн орлогч сайд, Пүрэвдорж болохоор эрчим хүч эрхэлсэн орлогч сайд. Бид хоёр л Улаанбаатарыг хөлдөөх үү, гүй юү гэдгийг шийддэг хоёр хүн. Нүүрсээ Налайхаас гадна Таван толгой, Баян тээгээс ч татаж байсан. Шарын голын нүүрсээрээ Эрдэнэт, Дарханыг хөлдөөчихгүйхэн шиг байлгана. Өдөр болгон л Паавангийн Дамдин гуай саарал ордонд дуудаж, юу болж байгааг асууна.

Болохгүй бол өөрөө шууд л хөдөө уурхайнууд руугаа давхина. Шөнийн 03 цагт Шарын голын уурхай дээр очоод дарга нарыг нь бүгдийг нь цуглуулж, ажил төлөвлөж явлаа. Би хүн загнаж чаддаггүй хүн л дээ. Ер нь болохгүй байгаа юмыг загнаад ч яахав дээ. “Одоо яахав, ямар арга байна” гээд хоёр гурав хоног зөвлөлдөнө. Газар дээр нь очиж танилцана. Сайд гээд л тэрийг тэг, энийг ингэ гээд дураараа бужигнуулж болохгүйг би уурхайд олон жил ажилласан хүний хувьд мэдэлгүй яахав. Ярьж зөвлөж, зөвлөж нэг гарц гаргалгаа олоод л түүнийгээ биелүүлэхээр пижигнэж өгнө дөө. Шарын голын уурхай дээр очсоны гурав дахь өдрөөс нь Улаанбаатар руу 100 вагон нүүрс ороход Төв хорооноос надад утсаар баяр хүргэж байлаа шүү дээ. Үнэхээр хөлдөх хөлдөхгүйн тухай л ярьдаг байсан үе. Хот хөлдөөчихвөл ямар их хор хохирол гарах билээ. Пүрэвдорж бид хоёр л зэрэгцээд явдаг байлаа. 1982 онд Багануурын уурхай, дөрөвдүгээр станц ашиглалтад орж, хот юу юугүй хөлдчих гээд байдаг аюулаас холдсон түүхтэй.

-Та Москвад ажиллаж байсан гэсэн. Хэдийд тэнд байсан юм бэ?

-1985 онд би Москвад Эдийн засгийн харилцан туслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвлөхөөр явсан. Тэнд би зөвхөн Монголоо хариуцахгүй. Бүхий л байнгын комиссын юмыг бэлдэж өгнө. Би тэнд Таван толгойгоо л урдаа барина. Хөрөнгө оруулалт олчих санаатай их үзнэ ээ. Жилдээ 20 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай уурхай байгуулах төсөл ч хийлгэж үзсэн. Таван толгойд Их том хөрөнгө оруулалт шаардаж байсан л даа. Хаана ч ажилласан өөрийнхөө хэмжээнд шударга, нөхөрсөг, ямар ч хүнтэй харилцаж чаддаг байхад ажил

бүтээд л байдаг юм. Байнгын комиссын хурлаар Европоор ч их явсан. Энэ тоолондоо өнөө Таван толгойгоо яриад явдаг. Гэхдээ том хөрөнгө оруулалт гараагүй л юм. Орос, Польш, Герман тэр чигээрээ нүүрсний орон л доо.Москвад би таван жил ажилласан. 1990 онд нийгэм өөрчлөгдөж, би нутаг буцсан.

-Ирээд юу хийв?

-Улаанбаатарт ирээд 1991 оны нэг сараас 2006 онд тэтгэвэрт гартлаа яамандаа тэргүүлэх мэргэжилтнээр ажилласан. Голдуу захиргаа удирдлагын хэлтэст ахлах мэргэжилтэн хийсэн. Энэ хэлтэс бол яамны дотоод бүх ажлыг зангидаж удирдаж байдаг хэсэг. Наад зах нь сайдын зөвлөлийн хурлын протокол бичнэ. Бүх хэлтэсийн ажлын гүйцэтгэлийг авна.

Яамны төдийгүй салбарын хэмжээний бүх мэдээллийг барьж байдаг алба.

-Та гурван уурхайд ажиллаж, дэд сайд болж, гадаадад томилогдож, мэргэжилтэн болж, зай завгүй л ажиллаж. Одоо эргээд бодоход сэтгэлд хамгийн ойр нь аль нь вэ?

-Яамны ажил бол төрийн л ажил. Хичнээн ч ажиллалаа гэхэд хийх ёстойгоо хийлээ л гэдэг. Уурхайд бол өөр. Ажил жигдрээд, бүтэмжтэй, үр дүнтэй байхад бүх хүний нүүрэнд инээмсэглэл тодроод ирдэг дээ. Урам зориг, бахархлыг тэндээс мэдэрч авдаг байсан. Тэгж мэрийж, хамаг хүчээрээ ажиллаж байгаа хүмүүстээ урам зориг өгөхийн тулд шагнахгүй яах юм, дэмжихгүй яах юм. Тийм биз дээ. Ганцаараа амжилттай ажиллана, ганцаараа гавьяа байгуулна гэж хаана ч байхгүй. Нэг баг болж, нэг цул болж л ажил явдаг, амжилт ирдэг. Миний зарчим энэ.

-1968 онд сургуулиа төгсөж ирээд ажиллаж байсан тэр үеэс өнөөг хүртэл хагас зуун жил Монголын уул уурхай асар өөрчлөгджээ. Үүнд таны хувь нэмэр чамлахааргүй их байгаа даа…

-Энэ салбарт анх би дөрвөн сар малтагч хийжээ. Үүнээс хойших хагас зуун жил орчим хугацаанд ямар ч байсан би хамт олноо удирдан чиглүүлж явсан байна. Яаманд мэргэжилтнээр ажиллахдаа ч ямар ч мэдээллийг сонгож авч боловсруулж, бодлого гаргах түвшинд бэлтгэж өгдөг байж. Миний ажил салбарын өнөө хүртэлх хөгжилд ямар нэгэн хэмжээгээр нэмэр болсон л байлгүй дээ. Байгууллагын аваргаар хэд хэдэн удаа шалгарч сарын цалингаар шагнуулж л байлаа. Бодвол сайн ажилласан гэж дүгнээд л тэр байлгүй.

Түлш эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үйлсэд миний оруулсан хувь нэмэр, хөдөлмөрийг үнэлж төр засгаас одон медалиар шагнаж байсан. Тухайлбал, Монголын уурхайчдын 50 жилийн ойгоор МХЗЭ-ийн Төв хорооны хүндэт үнэмлэх, Засгийн газрын хүндэт жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, Тэргүүний уурхайчин, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байлаа.

Би ханьтайгаа 1968 онд учирч тэр маань дөрвөн хүүхдийн ээж, ач зээ, гуч гээд 10 гаруй хүүхдийн хамгаас хайртай эмээ нь байж энэ хорвоод жаргаж амьдарсан хүн дээ.

Би хүүхдүүддээ хэлдэг юм, “Аав нь Монгол Улсын гал голомтыг сахиж явсан хүн. Ямартаа ч улсынхаа гал голомтыг өөрийнхөө үед сахиж чадсан гэж боддог” гэж. Одоо миний хүүхдүүдийн зарим нь төрд зүтгэж, зарим нь Монгол Улсыг хүнсээр хангахад өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж газар тариалангийн салбарт ажиллаж байна даа.

Ингээд ярилцлагынхаа төгсгөлд Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн мэндийг Монголын Түлш Эрчим Хүчний салбарын хамт олон, уурхайчиддаа хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Болормаа: Хөвч таслах нь цаашдаа маш том сөрөг асуудлуудын суурийг тавьж өгч байна DNN.mn

Эрэгтэйчүүдийн “La Salute” эмнэлгийн захирал З.Болормаатай ярилцлаа.


-Эрэгтэй хүүхдийн хөвч таслахыг олон улсад хориглосон гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч…

Ер нь уламжлал болоод шашны дагуу эрэгтэй хүүхдийн хөвч тасладаг орнууд байдаг ч сүүлийн жилүүдэд том бэлэг эрхтэнтэй болох үүднээс хөвч таслалт ихээр нэмэгдсэн байдаг. Мөн ариун цэврийн үүднээс хэрэгтэй гэж яриад байдаг. 2019 онд Италийн Top quality групп дээр очиж сургалтанд суухад сүүлийн жилүүдийн судалгаануудыг үндэслээд дэлхий даяараа хөвч таслахыг хориглож болиулж байгаа талаар Италийн эмч нар ярьж байсан. Яагаад гэхээр хүний бие физологи гэдэг маш гайхалтай. Илүү нэг ширхэг ч юм байхгүй, дутуу нэг ч юм байхгүй учраас цаанаасаа яаж заяагдсан тэр дагуу байлгах ёстой гэдэг зарчмыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн улс орнууд гаргаж ирж байна.

Насанд хүрэгчид том бэлэг эрхтэнтэй болох гэж хөвч таслуулдаг. Гэтэл үүний сөрөг нөлөө нь бэлгийн ажлаас таашаал авахаа больчихдог. Нэг ёсондоо зүгээр л үрийн шингэнээ гадагшлуулдаг процесс болоод хувирдаг. Яагаад гэхээр хөвч тасалснаар эр бэлэг эрхний урд талын малгай хэсгийн мэдрэлжүүлэлт алга болдог. Тэр хэсэг бол маш эмзэг, мэдрэмтгий, сэрэл мэдрэхүй өндөр цэг. Энэ далд байдаг хэсгийг ил гаргачихаар хувцасанд үргэдэж явсаар байгаад ямар ч мэдрэмжгүй болдог гэсэн үг. Тэгэхээр таашаал авах мэдрэмж эрс багасна, бараг алга болдог. Зүгээр л үрийн шингэнээ гаргадаг процесс болж байгаа юм. Энэ бол бэлгийн сулралд хүргэдэг хамгийн том хүчин зүйл. Хоёрдугаарт, хөвчрөл дээр асуудал үүсгэдэг. Хөвч тасалсан эрчүүдэд хийсэн судалгаанаас харахад эхний хэдэн жил хэвийн байснаа 3-5 жилийн дараанаас хөвчрөл нь сулардаг. Энэ бол мэдрэхгүй, мэдрэлжүүлэлттэй шууд хамааралтай.

-Ариун цэвэр талаасаа маш сайн гээд эрэгтэй хүүхдийг багад нь хөвчийг нь таслаад байдаггүй билүү…

-Одоо ариун цэврийн тухайд хөвч тасдуулах ёсгүй л гэдэг болсон. Цэвэр байхын тулд маш сайн угаах хэрэгтэй. Хүүхдүүдээ багаас нь сайн угааж сурга л даа. Багаас нь угаахыг хэвшүүлж сайн зааж өг л гэдэг хандлага зонхилох болсон. Ариун цэвэрт сайн гэдэг бол дээр үеийн, усгүй үеийн л ойлголт. Энгийн байгаа анатоми физиологийг эвдэнэ гэдэг бол цаашдаа их том асуудлыг үүсгэнэ л гэсэн үг.

-Нэгэнт эрчүүдийн тухай ярьсных танай эрэгтэйчүүдийг эмнэлгийн талаар сонирхмоор санагдлаа. Дан эмэгтэйчүүдийн эмнэлгээ ажиллуулаад явах нь илүү амар байсан юм биш үү?

-Анх “La Sante” эмнэлгээ нээж байхад зөвхөн эмэгтэйчүүд л нөхөн үржихүйн асуудалдаа анхаарах ёстой юм шиг ойлголттой байсан. Статистик тооноос харахад эмэгтэйчүүд болон хүүхдийн эмнэлэг Улаанбаатар хот, орон нутагт олон байдаг боловч эрэгтэйчүүдийн эмнэлэг гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Эмэгтэйчүүдийн резидент эмчээр жилд 100, 100-гаар элсэж байхад эрэгтэйчүүдийн эмч маш бага. Бид эр хүнийг ноён нуруу, сайхан хиймортойгоор нь төсөөлдөг мөртлөө эрүүл мэндийн асуудлыг нь хаячихсан. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт, амьдралын чанар гэдэг асуудал ч ярихгүй байна. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт бүхэл бүтэн 10 насаар эмэгтэйчүүдийн наслалтаас бага байна. Хамаг л хатуу ширүүн, хүнд хүчир ажлуудыг эрчүүд маань нугалаад, хийж гүйцэтгэж байдаг. Би зургаан ахтай өссөн болоод ч тэр үү эрэгтэйчүүдийн асуудал, амьдралын чанар дээр тулгуурлаж судалж ажиллаж байсан. Хоёрдугаарт, яалт ч үгүй хосын харилцаанд нөхөн үржихүйн эрүүл мэндийн эмчилгээ, үзлэг оношилгоо, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол тал руу ороод үзэхээр хоёуланд нь асуудал байдаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүд шиг төрөхгүй гэх зэрэг ойлголтуудаас болж нөхөн үржихүйг их хаядаг юм байна. Гадны оронд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйд маш өндөр түвшинд анхаардаг. Бид өнөөдөр үргүйдэл дээр хүртэл эмэгтэйчүүдийг л их яриад байдгаас эрчүүдийг ярьдаггүй. Эмэгтэйчүүдийг бид асар үр дүнтэйгээр олон жилийн хугацаанд Монгол Улсдаа анхдагч эмчилгээ, үйлчилгээг оруулж ирэн эмчилж байна. Гэтэл яг эмэгтэйчүүдийг нөхөн сэргээх эрүүл мэнд талаас нь эрүүлжүүлж үзэхэд хэзээ ч эмэгтэй хүн ганцаараа биш юм байна. Элэг бүтэн эрүүл монгол гэр бүл, иргэдийг төрүүлэхэд эхнэр, нөхрийг заавал хамтад нь эмчлэх ёстой юм байна гэдэг бодол үүссэн. Тэгээд 2019 онд “La Sante” эрэгтэйчүүдийн эмнэлгээ нээж Италийн “Top quality group”-ын эрэгтэйчүүдийн бэлэг эрхтэнд шинээр судас ургуулж, үүсгэх дэлхийн хамгийн шилдэг төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн.

-Эрэгтэйчүүдийн эмнэлэг рүү тодорхой шалтгаантай хүмүүс зорьж ирдэг шүү дээ. Танай эмнэлэг рүү ямар шалтгаантай хүн ирвэл зүгээр вэ?

-Манай эмнэлэг бол нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг. Нөхөн сэргээх эмчилгээний зарчим нь заавал асуудалтай, өвчлөлтэй хүн эмчилгээнд ордоггүй. ДЭМБ-аас уриалдаг эмчилгээний хамгийн чухал арга нь урьдчилан сэргээх эмчилгээ гэж үздэг. Манайд хийгдэж буй эмчилгээнүүд бүгд нөхөн сэргээх зарчимтай. Дэлхийд шилдэгт ордог Итали, Франц, Японы тоног төхөөрөмжүүд байдаг. Тоног төхөөрөмжүүд нь дотроо олон эмчилгээний заалтуудтай. Тухайлбал, Францын технологи бол бараг 300 төрлийн программаар эмчилгээ хийдэг. Яг нөхөн сэргээх эмчилгээ хийж байгаа гэдэг давуу талаараа ер нь бүх насныхан, хүүхдүүд хүртэл ирдэг болж байна. Манайх энэ сард хүүхдийн эмнэлэг клиникээр тусгай зөвшөөрлөө нэмэлтээр хүсч, хүүхдийн салбарт тодорхой нотолгоо, шинжилгээ судалгаануудыг хийж байна. Тэгээд хүүхдийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоон дээр үүссэн асуудал, өвчлөлүүд, тодорхой эмгэг шалтгаан байх юм бол хүндрэх, өвчлөлөөс сэргийлдэг эмчилгээнүүд хийдэг, үзлэг оношилгоо зөвлөгөө өгдөг болчихсон.

-“Ковид-19” цар тахал хүмүүст янз янзын нөлөө үзүүлж буй гэж байна. Эрчүүдийн нөхөн үржихүйд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа бол?

-Сөрөг нөлөө маш их байгаа. Манай эмнэлэг бол франц эмнэлэгтэй судалгаа мэдээлэл, сургалт хамтын ажиллагаагаатай. Франц улс нь дэлхийд нөхөн үржихүйгээрээ нэгдүгээрт ордог улс. Франц улс 2020 оны “Ковид-19” эхлээд л эхний хагас жилдээ хамгийн анхны судалгаануудыг гаргачихсан. Дараа нь Их Британи, БНХАУ, Япон улс судалгаа гаргаж ирсэн. Манайх одоогийн байдлаар энэ талаар айхавтар ярихгүй байна л даа. БНХАУ-д 2020 онд 237 мянган хүнд судалгаа хийхэд шээс задгайрал маш өндөр буюу 57 хувьтай гарсан байдаг. Мөн өтгөн хаталт, бэлгийн үйл ажиллагааны алдагдал, нөхөн үржихүйн тулгамдсан өвчлөлүүд 40-60 орчим хувь хүртэл нэмэгдсэн гэж гарсан. Статистикаас нэмэгдэж байгаа гэдгийг яаж харах вэ гэхээр “Ковид-19” цар тахлын өмнө хэвийн байсан хүмүүс “Ковид-19” цар тахал туссанаас хойших судалгааг харж байгаа юм. Гадны орнууд ковидыг ижил төстэй шинж чанараар нь ангилах юм бол диабит буюу сахарын өвчлөлтэй их төстэй гэж харж байгаа. Бид ковидын цар тахлын өмнө холестрин ихсэх, буруу хооллолт, амьдралын буруу дадлаасаа болоод цус өтгөрлөө гэж бодоход сайхан унтаж амраад, эсвэл дусал тариа зэрэг хэдэн хоног эмчилгээ хийлгээд, буцаад цус шингэрээд эрүүлждэг байсан. Гэтэл “Ковид-19” цар тахлын дараа шаардлагатай эмчилгээ хийж, удаан хугацаанд амраад, эрүүл хоол идээд байсан ч цус нь цаанаасаа дахиад төрлийн фактор руу орчихоод байгаа юм. Тэгэхээр сахарын өвчлөл буюу диабеттэй бас ижил төстэй чангартай. Сахарын өвчлөл бол цусыг их бүлэгнүүлж, захын мэдрэлийн бодисуудыг нарийсгаж байдаг. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэнээр ийм өндөр аюулыг авчирдаг. Дэлхий дээр эмчлэгдсэн тохиолдлууд ер нь л бараг байхгүй, цус ерөөсөө мөнхийн асуудалтай болчихож байгаа шүү дээ.

-Цус өтгөрөх гэдэг хамгийн аюултай зүйл биз…

-Цус өтгөрнө гэдэг нь хамгийн нэгдүгээрт нүдний хараа, гар хөлийн үзүүр, бэлэг эрхтэн зэрэг захын мэдрэлийн судаснууд руу очиж буй цусны эргэлт шууд багасаж байгаа юм. Ийм ухагдахуунаараа нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, бэлэг эрхтэн өөрөө захын мэдрэлийн судас руу орчихож байгаа учраас зайлшгүй асуудал үүсгэх юм байна гээд судалсан. Нэгдүгээрт, ковидоос болж цус өтгөрдөг, хоёрдугаарт, ковид ханиалгах, үнэр, амт мэдрэхгүй байхаас өгсүүлээд харшил үүсгэх олон шалтгаан шинж тэмдгүүдтэй байдаг. Энэ тэмдгүүд нь бидний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо, аарцаг ёроолын булчинг суллаад байдаг. Ковидоор өвдсөн хүний цус нь өтгөрнө, дээрээс нь мөнхийн доошоо дүлэлттэй ханиаж байна гэдэг аарцаг ёроолын булчинг суллах давхар шалтгаан үүсгэж байна.

-Үүнийг олон улсад яаж эмчилж байна вэ?

-Дэлхийн эрүүл мэндийн салбар нь хөгжсөн улс орнууд иргэдийнхээ эрүүл, аюулгүйгээр нөхөн үржихүйг нэгдүгээрт тавих ёстой гэдэг концепц, бодлого төлөвлөлт рүүгээ анхаарч “Ковид-19” цар тахал эхэллээ, шинж тэмдэг, цусан доторх факторыг судалж автоматаар шууд бүгдийг нь кегель дасгал хийлгэсэн. Франц улс 2020 оны зургадугаар сараас эхлээд бүх иргэдээ үнэ төлбөргүй онлайн хэлбэрээр сургалтад хамруулсан байна. Ингэснээр аарцаг ёроолын булчин чангарч шээс задгайрах, бэлгийн сулрал зэрэг олон өвчнөөс сэргийлж чадлаа. Нэмж хэлэхэд “Ковид-19” цар тахлын дараа, дэлхий даяар үргүйдлийг их ярьдаг болчихсон, олон орон энэ өвчлөл дээр анхаарчихсан. “Ковид-19” цар тахлын дараа үргүйдэл ихсэх боломжтой.

Хүүхдүүд хүртэл “Ковид-19” цар тахлаар их өвчилсөн шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хүүхдүүдийн амьдралын зөв дадал хэвшил, аарцаг ёроол, нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо нь сулрахгүй, цусны эргэлтийг эрүүл байлгахын тухайд сайн анхаарах ёстой. Хэрвээ ковидоор өвчилсөн тохиолдолд 10 жилийн дараа баахан үргүйдэлтэй иргэд нэмэгдэх эсэхийг бид мэдэхгүй л байна. Олон улсын хэмжээний үндсэн гурав юм уу дөрвөн шалтгаан байхад Монгол Улсад бол шалтгаан их олон байна шүү дээ. Архи тамхи, эмийн зохисгүй хэрэглээ, суугаа ажлуудыг буруу сууж хийх, хүүхдүүд хүртэл хичээлээ удаан хугацаагаар буруу сууж хийх, дасгал хөдөлгөөнгүй байх, бэлгийн харилцаанд орохгүй байх маш олон шалтгаанууд байна. Гэтэл тэр шалтгаанууд хүртэл ханиад, эмийн хэрэглээ, эмчилгээнүүдийг ихэсгэчихэж байна. Энэ бүхэн нь буцаагаад л булчингийн алдагдлыг үүсгэж байдаг. Тухайн эсийн цусны хангамж, эргэлтийг багасгаж, цусан хангамжийг их гэмтээж байдаг. Энэ нь хорт хавдар, хоргүй хавдрууд болон үргүйдлийн шалтгаанууд нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм. Үүнийг дэлхийн анагаах ухаан маш өндөр түвшинд анхаарч байна.

-Эрчүүд рүүгээ хандахад манай эрчүүд өвдөхөөс нааш эмнэлэг барааддаггүй, их хойрго шүү дээ. Ямар асуудалтай хүмүүс эмнэлэгт ирэх ёстой вэ?

-Эрэгтэйчүүдийн хувьд шээс хаагддаг, шөнө ойр ойрхон босч бие засдаг болон дүлж шээдэг гэх зэрэг шээсний сүв, давсаг, шээс ялгаруулах тогтолцоотой хамааралтай бүх асуудал, өвчлөлүүд манай байгууллага дээр зуун хувь шийдэгдчихсэн. Мөн бэлгийн үйл ажиллагааны бүх төрлийн алдагдлууд буюу хурдан, удаан дур тавих, дур тавихгүй байх, дур тавилтаа удирдаж чадахгүй, бэлэг эрхтэн өглөө хөвчрөхгүй байх, хөвчрөл сул байх, эсвэл бэлэг эрхтний хэмжээ багасах, түрүү булчирхайн томролт шохойжилт зэрэг асуудлууд манай эмнэлэг дээр шийдэгдэж байгаа. Түүнчлэн цагаан мах эргэх, шулуун гэдэс, анусны амсрын контрол алдагдчихсан хүмүүс ирж эмчлүүлэх боломжтой.

Мөн хүүхдийн орондоо шээх, шээс задгайрал, мэдрэлийн, бухимдлын гаралтай шээс задгайрал бүгд манай эмнэлэг дээр эмчлэгддэг. Хоёрдугаарт, бэлэг эрхтнийхээ хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг бол судас ургуулдаг эмчилгээ хийлгэж болно. Судас ургана гэдэг нь хэмжээнд их нөлөөлдөг. Хүн хүний бие физиологи өөр учраас үр дүн нь хоёр, гурван сарын дараа ч юм уу мэдэгддэг. Үүнийг гадуур хийж байгаа гель, имплант, бөгж зэрэгтэй адилтган ойлгож болохгүй.

-Нэмж судас ургуулж цус их гүйлгэж байгаа гэсэн үг байна шүү дээ?

-Тийм, эрүүл аргаар томруулдаг гэсэн үг. Эрэгтэйчүүд дээр тулгуурлаад дахиад нэг хэлэх чухал зүйл юу вэ гэхээр 2019 оны арваннэгдүгээр сард би Италид “Эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны алдагдал” сэдвээр Италийн маш алдартай андрологийн эмчээс сүүлийн үеийн эмчилгээний аргуудын талаар вакум сургалт авч байсан. Эмэгтэйчүүд хааяа нэг ханиаж найтаахад шээс дусагнадаг болох үед эмнэлэгт үзүүлэхэд тухайн өвчнийх нь зэрэг дөнгөж эхэлж байгаа буюу нэгдүгээр зэрэгтэй байдаг. Гэтэл эрэгтэйчүүд огт шинж тэмдэг илрэхгүйгээр өвдөөд яваад байдаг. Ямар ч шээс хаагдах зовуурь илрэхгүйгээр өвчин нь хүндэрч гэнэт дүлж шээдэг болно. Бүр шээс хаагдана. Тэгэхээр эрэгтэйчүүд нөхөн үржихүй дээр анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд өвчлөл залуужаад л байгаа, дөнгөж 30 хүрч байгаа залуучууд түрүү булчирхайн томрол, шохойжилттой гээд оношлогдоод байна. Түрүү булчирхайн томрол шохойжилт өнөөдөр анхан шатандаа оношлогдож байна гэдэг нь тун удахгүй нэг өглөө таны шээс хаагдах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа учраас яалт ч үгүй маш хурдан анхаарахаас өөр ямар ч аргагүй.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: ​”Ер бусын хайр” DNN.mn


…”Ногоон малгайтнууд давхиж ирэхийг хараад аав нь Жанлавын чихэнд юу ч юм шивнээд байсан. Хүүгийнхээ урваж шарвахыг мэдээд хилэгнэж, галзууруулдаг тарни уншсан байх гэж нутгийнхан ярилцдаг” хэмээн Дондов гуайн хуучилсан санаанд орж, өвчин нь хөдлөхөд гараадгүй хэд бэлэн суув. Гэвч Жанлав гуай уурлаж, галзуурсангүй, тэртээх цаг хугацаагаар аялах мэт, яаралгүй нүүх үүлсийг тооноороо ажаархан сууна.

-Хүмүүс юу ярьдгийг би мэднэ ээ. Ил шулуухан хэлж байгаа нь л чи юм… Аав маань тун ч их мэдлэгтэй гавж байсан шүү. Ногоон малгайтнууд давхин ирэхийг үзээд, надад “Би сахиусандаа урьд шөнө харсан. Үнэн байж. Ах бид хоёр чинь буудуулах юм байна. Харин чи амьд үлдэж магадгүй харагдаад байсан. Хүү минь, чи авхаалж самбаатай, сэргэлэн ухаантай. Ямар ч хамаагүй арга саам, ов мэх хэрэглээд амьд үлдэхийг л хичээ.

Ээжийгээ асарч сувил. Чадвал эмчилж эдгээ. Ээжийг чинь хүнд өвчтэй байхад яаж ганцааранг нь орхиод гурвуулаа явчих вэ дээ. Чи л үлдэх хэрэгтэй. Бас хийд маань их гал дунд харагдаад байсан. Буруу номтнууд шатаах байх. Түүнээс өрсөж хийдийнхээ ном судруудыг тайгаруу зөөж нуухыг бодоорой. Хожим хүмүүст хэрэг болно. Тэгээд сайн цаг ирэхээр хийдэд буцааж зална биз” гэж шивнэсэн юм.

-Та галзуураагүй байх нь ээ. Тэгээд тавь гаруй жилийн турш галзуу болж жүжиглэсэн хэрэг үү?

-Хүн амьтны бараанаар бурхан тахилаа нууж, зулаа чимхэж, ээжийгээ зоддог галзуу хүний дүр үзүүлэх хэцүү хэцүү…

Энэхүү сэтгэл шимшрэм гунигтай өгүүллэгийг зохиолч Лувсангийн Хүрэлбаатарын шинэхэн ном “Ер бусын хайр”-аас уншсан билээ. Номыг уншиж байхдаа аль хэдийнэ дотор нь орчихсон, зохиолын баатруудтай хамт гуньж, уйлж, уурлаж, баярлаж, бүр хамт шийдвэр гаргаад явж байв. Хэсэг хугацаанд энэ бодит ертөнцөөс тасарч, огт өөр орчинд амьдарч үзлээ. Ийм гайхам сонин ном бүтээсэн эрхэм зохиолчид баярлалаа гэж хэлье.

Номонд өгүүллэгүүдээс гадна тууж, баримтат болон ёгт өгүүллэгүүд, памфлет, эсээ багтжээ.

Шимтэй, уншууртай, байн байн барьж авмаар “Ер бусын хайр” номын эзэн бол Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, эрдэмтэн Лувсангийн Хүрэлбаатар юм.

“Монос”-ын Хүрлээ гэж олноо алдаршсан энэ эрхэм өмнө нь “Атилла хааны хилэн хар азарга” эссээ нийтлэлийн, “Бүгдийг тэгээс” дурдатгалын, “Шаргал навчис” яруу найргийн номоо хэвлүүлсэн. Мөн “Байгалийн гаралтай шинэ эмийн судалгаа”, “Монголын уламжлалт анагаах ухаанд тулгуурлан шинэ эм бүтээх зарим асуудал” зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны 21 номыг англи, орос, монгол хэлнээ хэвлүүлсэн юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хөгшрөхгүй залуугаараа байх хүслийн хязгаар DNN.mn

Том нүдтэй бол гоё гээд бүгдээрээ давхраа оёулдаг байлаа. Тод хөмсөг гоё гээд нэгэн жигдээрээ хар хөмсөг шивүүлдэг байв. За тэгээд уруулаа томруулж, хөх, бөгсөө томбогор болгох гээд нийтээрээ хүсдэг байсан, одоо ч хэвээрээ. Хүн төрөлхтөн үеийн үед үхэлгүй мөнх, хөгшрөлгүй залуугаараа байх хүслийн нэг нь яах аргагүй гоо сайхны мэс засал. Үүнийг одоо төгс төгөлдөр хийдэг болсон. Төрөлхийн мэт гоё болно. Эцэг эхээс заяасан нүүрний хэлбэр, нүд, хамар, амаа хүссэнээрээ хөөрхөн болгож байна.

Харин энэ хандлага бага багаар өөрчлөгдөж эхэлжээ. Эрүүл мэндийн заалттайгаас бусад тохиолдолд залуу үе гоо сайхны хагалгаанаас татгалзаж байна. Байгаагаараа байх, төрөлх царай зүстэйгээ явах нь моод болж эхэлж. Гэрэл зураг дээр ч ялгаагүй, янз бүрийн гоо болгодог апп-аас зайлсхийж, энгийн байгаагаараа гаргадаг камеруудын зураг илүү үнэ цэнэтэй болов. “Фэйсбүүкийнхээ зураг шиг бай л даа” гэдэг шиг хэт гоё хиймэл төрхөөс уйдаж, олон зуун жилийн төгс төгөлдрийн эрэл хайгуул энэ цагт цэг тавигдаж мэдэх нь. Мөн аав, ээж, эмээ, өвөө буюу өөрийн удам судрынхаа онцгой төрхийг засуулалгүй биеэрээ тээж явах нь залуусын нэгэн бахархал болжээ.

Хөгшрөхгүй залуугаараа байх хүслийн хязгаар нь бодит байдал гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Манай 30 жилийн түүхтэй ардчиллыг Казахстан улс гүйцэж түрүүлэв үү DNN.mn

Монголыг Азидаа ардчиллын загвар улс гэж хөөргөдөг. Энэ үүднээс харвал ардчиллын 30 жилийн түүхтэй улсын хувьд бид бусдадаа загвар болохоос гадна араасаа дагуулах хэмжээний хөгжил дэвшилтэй болчихсон байх ёстой. Гэтэл энэ олон жил өнгөрөхөд ардчиллаа хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэхэд нэмэр болох олигтой хууль боловсорсонгүй, тушаал шийдвэр ч гарсангүй. АН-ын үед ч тэр, МАН-ын үед ч тэр нэг нь нөгөөгөөсөө дээрдсэнгүй явсаар Монгол дахь ардчиллын гэрэл өнөөдөр улам л бүүдийсээр байгааг бид харж байна. Өнөөдөр Монголын хүн амын 30 орчим хувь нэн ядуу, энэ хэмжээний хүн ам нэн ядуу ангилалд ороход бэлэн болчихсон талаар мэдээлж байгаа. Чинээлэг дундаж давхаргагүй, дийлэнх нь ядуу, багахан хэсэг нь баян гэсэн ангилалд багтах хэмжээнд бодитоор хүрвэл бид дахин ардчиллын талаар ярих ч хэрэггүй болно. Учир нь ард түмэн ажил орлого, өмч хөрөнгөтэй байж л эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийг мэдэрч ойлгодог, түүнийхээ төлөө тэмцдэг. Харин ядууст бол алдах зүйл байдаггүй учраас тэд мөнгө өгсөн хүнийг л сонгодог.

Ардчиллын загвар улс гэгддэг Монголд ардчилал ийм байдалтай байхад 30 жил Н.Назарбаевын удирдлага дор коммунист дэглэмтэй байсан Казахстан улсын шинэ ерөнхийлөгч К.Токаев сүүлийн хоёр гурван жилийн дотор гайхалтай сайн өөрчлөлтүүдийг хийж байна. Гучин жилийн түүхтэй Монголын ардчилал гурван жилийн түүхтэй Казахстаны ардчиллаас хол хоцорч эхэллээ.

2019 онд Казахстаны ерөнхийлөгч болсон К.Токаев энэ богино хугацаанд нийгмийн амьдралын олон салбарыг хамарсан шинэчлэлийг эхлүүлж байна. Ажиглагчид түүнийг улс орноо зөв зүгт залж байна хэмээн үнэлсэн байх юм. К.Токаев энэ богино хугацаанд ямар ямар өөрчлөлт хийв гэдгийг анзаарч нэг харъя.

Токаевын шинэчлэлийн зорилго нь улс орондоо ардчиллыг бий болгох. Үүний тулд тэрбээр Казахстаны улс төрийн тогтолцоог өөрчлөх алхмуудыг хийж байна. Өнгөрсөн зургадугаар сард бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан нь түүний шинэчлэлийнх нь хамгийн чухал алхам болж байна. Тухайлбал:

-Супер ерөнхийлөгчийн засаглалын загвараас эрх мэдлээ шилжүүлэх замаар парламентын үүргийг бэхжүүлнэ.

-Тусгаар тогтносон Казахстан улсыг үндэслэгч хэмээх анхны ерөнхийлөгчийн статусын тухай заалтуудыг Үндсэн хуулиас хасах,

-Ерөнхийлөгчийн хамаатан, ойр дотны хүмүүс улс төрийн албан тушаал болон төрийн оролцоотой салбаруудад удирдах албан тушаал хаших эрхгүй гэсэн шинэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгчээ. Мөн цаазын ялыг халсан зэрэг маш том өөрчлөлтүүдийг зоригтой хийсэн байна.Токаевын хийж буй ардчилсан шинэчлэл нь Казахстанд хүний эрхийг хамгаалах, иргэний нийгмийн хөгжлийг цоо шинэ түвшинд гаргах боломжийг олгох нь тодорхой юм.

Казахстанд өдгөө ийм өөрчлөлтүүд үргэлжилж байна. Иргэд нь хүссэн үедээ жагсаал цуглаан хийж, төр нь тэднийгээ хүндэтгэн сонсохыг хичээж эхэлжээ. Гэтэл Монголд юу болж байна вэ. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэсэн залуусыг баривчлан хорьж байна. Шүүхээр яллаж байна. Цахим орчинд ч үг хэлэхээсээ хүмүүс айж эхэлж. Учир нь хэн хурц дуугарч, хэн эрх баригчдыг шүүмжилж байна түүнд цагдаагийн зарлан дуудах ирж, илт болон илт бусаар зоригийг нь мохоох ямар нэгэн үйлдлийг тасралтгүй хийж байна.

Казахстанд ах дүү, амраг саднаараа сүлбэлдэн төрийн эрх барьж байсан тогтолцоог нураан, ингэж болохгүй хэмээн Үндсэн хуулиндаа суулгаж өгч байхад манай дарга нар зөвхөн ах дүү, танил талаа генерал болгон, хамаг л эрх мэдэл, албан тушаалыг өгч байх жишээтэй. Даргын хүүхэд, даргын эхнэр, нөхөр, ах дүү, ангийн хүүхдүүд л албан тушаалд очиж, энэ нь үе дамжин дархлагдах хандлагатай болоод хэвшиж тогтох нь.

Манай улстөрчид Үндсэн хуулийг өөрчлөхдөө зөвхөн өөрсдөдөө ашигтай нөхцөл байдлыг л тусгахыг хичээдэг. Хар л даа, дөнгөж сая Үндсэн хуулиа өөрчлөөд “давхар дээл”-тэй болж санаа нь амраад сууж байгаа. Гэтэл улс орноо боддог, арай холыг хардаг удирдагч бол улс оронд нь дахин нэг дарангуйлагч гарч ирэхээс болгоомжилж,

удирдаж байдаг хэсэг бүлэг хүмүүс бий. Ерөнхийлөгчийн засаглал, эрх мэдэл хэт нэг хүн дээр төвлөрөхөөр улс орноо хэрхэн уруудуулж болдгийг биеэрээ мэдэрсэн Казахстаны ард түмэн парламентаа бэхжүүлэхээр чармайж байна.

Гучин жилийн хугацаанд Монголд хэн ч Токаев шиг шийдвэр гаргаж чадсангүй. Хэн ч холыг харсан, дорвитой өөрчлөлт хийсэнгүй, хийхийг ч хичээсэнгүй. Улстөрчид улс орноо бодохоосоо илүүтэй зөвхөн амин хувиа хоохойлж өдий хүрчээ.

Азийн ардчиллын загвар хэмээн хөөрцөглөдөг, 30 жилийн түүхтэй Монголын ардчилал гуравхан жилийн дотор Казахстаны ард орчихсон байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Энгийн бүхэн гайхамшиг DNN.mn

Хүмүүс усан дээр алхахыг, агаарт нисэхийг гайхамшиг гэж боддог. Яг үнэндээ бол газар дэлхий дээр, хөрс шороон дээр алхахаас илүү гайхамшиг гэж байхгүй” гэж Бурхан багш айлджээ. Эв энгийн, өдөр тутмын зүйлийг Будда гайхамшиг гэж тунхаглажээ.

Үнэхээр ч энэхэн цэнхэр дэлхийд өнөөдөр бид амар тайван алхаж явна. Аавтай, ээжтэй, ах эгчтэйгээ, амраг хань, алагхан үрстэйгээ аз жаргалтай амьдарч байна. Хүүхэд балчир насандаа бид үргэлж иймээрээ, үргэлж инээж явах мэт л боддог, холын холд байгаа ямархан нэгэн аз жаргалыг мөрөөдөн мөрөөдөн өсдөг билээ. Өсөх тусам өдөр хоногоор амьдрал бидэнд хатуу хөтүүг мэдрүүлсээр, бас аз жаргалыг амсуулсаар байдаг.

Хамгийн хайртай хүмүүс маань нэг нэгээрээ алсран одовч, бас хайрлахгүй байхын аргагүй хүмүүс нэг нэгээрээ цуварч ирсээр л байдаг. Амьдарч буй энэ насандаа бид аав ээж, ах дүү, амраг садан, алаг үрс, найз нөхдийн ерөөлтэй иржээ. Эргэн тойрноо анхаараад нэг сайн хар даа, дандаа ойр дотны хайрлам сайхан хүмүүс. Муудахаа мууддаг ч миний амьдралыг утга учиртай болгож байгаа тийм л гайхамшигт хүмүүс хүрээлж байна. Цэнхэр тэнгэр, уудам тал, нар сар, байшин барилга, гэр орон, хайртай бүхэн маань бүгд надад зориулагдсан юм.

Хэн хэзээ ингэж мэдэрч чадах билээ. Хэзээ, хаанахын салхин дор ингэж тэнүүн амьсгалах билээ. Эргэж энэ дэлхий дээр төрдөг ч юм уу, төөрдөг ч юм уу бүү мэд. Хүн болж төрлөө гэхэд өнөөдрийн хайртай хүмүүсээс чинь өөр хүмүүс, өөр орчин байх ч юм уу. Эргэж төрснөө ер нь мэдээ ч үү, үгүй юү. Ийм л учраас хөхрөгч тэнгэрийн дор хөрс шороон дээр амьд яваагаа мэдэрч алхах л гайхамшиг гэж Бурхан Буддаа айлджээ

Categories
мэдээ нийгэм

Бэрэн группийн гүйцэтгэх захирал Мөнхтөрийн Цэлмэг: Монгол ган Монголын дархлаа төдийгүй эдийн засаг, батлан хамгаалах, аюулгүй байдлын баталгаа DNN.mn

– Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төсөл ирэх онд ашиглалтад орох боломжтой-


Бэрэн группийн гүйцэтгэх захирал Мөнхтөрийн Цэлмэгтэй ярилцлаа.


Өдгөө тус групп нь уул уурхай, хүнд үйлдвэрлэл, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, барилга, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, үйлчилгээ гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ дундаас Монгол ганМонголын дархлаа уриан дор хэрэгжиж буй Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр төслийн талаар болон гангийн салбар, ган бүтээгдэхүүний ач холбогдлын талаар түлхүү ярилцсан юм.


-Өнөөдөр манайд хүнд үйлдвэрлэл, тэр дундаа гангийн салбар төдийлөн хөгжөөгүй байна. Яагаад бид гангаа дотооддоо өөрсдөө үйлдвэрлэх шаардлагатай вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Монгол Улсын хувьд жилд 500 орчим мянган тонн ган хэрэглэдэг. Үүний 50 гаруй хувийг ган туйван буюу барилгын арматур, 15 орчим хувийг ган хоолой буюу төрөл бүрийн турба, хоолойнууд, үлдсэн хэсгийн ган цувимал, ган утас, ган бүтээц, ган бөмбөлөг гэх мэтчилэн төрөл бүрийн ган бүтээгдэхүүнүүд эзэлдэг. Гэвч Монгол Улс нь нийт хэрэглээнийхээ 10 хувийг ч дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй.Ган бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөд хэт мэдрэг байгаа нь Монгол Улс дотоодын гангийн үйлдвэрлэлт муу байгаатай шууд холбоотой юм.Монгол Улсын хөгжлийг тодорхойлдог дэд бүтэц, барилга, уул уурхай, аж үйлдвэрийн салбарууд импортын ган бүтээгдэхүүнээс бүрэн хамааралтай.

Oдоо дотооддоо ган үйлдвэрлэж буй үйлдвэрүүд нь хаягдал төмөр дээр түшиглэсэн цахилгаан нуман болон индукцийн зуухны технологиор үйлдвэрлэл явуулдаг. Үүнд хоёр том асуудал байна. Нэгдүгээрт, хаягдал төмрийн олдоц, нийлүүлэлт муугаас шалтгаалан эдгээр үйлдвэрүүд нь хэзээ ч бүрэн хүчин чадлаар ажиллаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, түүхий эд болох хаягдал төмрөөс хараат байдалтай. Хоёрдугаарт, эдгээр бүтээгдэхүүн нь импортоор орж ирэх ган бүтээгдэхүүний чанараас муу байдаг юм.

-Гангийн үнэ өссөн учраас барилга, байрны үнэ өссөн гэдэг. Бодит байдлыг та илүү тодорхой ярих байх?

-Монгол Улс дахь ган бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа. Үүний тод жишээ нь сүүлийн хоёр жилд л гэхэд барилгын арматурын үнэ 1.8 саяас 3.1 сая төгрөг болж, 74 хувиар өсөөд байна.

Ковид эхэлснээс хойш Монгол Улсын барилгын салбар хүндхэн бэрхшээлүүдээр дүүрэн байлаа. Ихэнх барилгын компаниуд өндөр хүүтэй зээл авч төслөө эхэлдэг. Ковидын дөрвөн удаагийн хөл хорио нь барилга баригдах төлөвлөгөөт хугацааг уртасгаж, сул зогсолтоор цалин болон бусад үйл ажиллагаатай холбогдох хий зардлууд гаргасан. Хил гаалийн хориг нь импортоор орж ирдэг барилгын материалыг хомсдолд оруулж, угаас барилгын материалын үнэ нэмэгдэж байсныг улам огцом нэмэгдэхэд хүргэсэн. Энэ нь эргээгээд орон сууцны үнийг 19 хувь өсгөсөн. Барилгын гол нэрийн материалуудын үнийн өсөлтөөс шалтгаалан 2021 онд барилгын өртгийн ерөнхий индекс 107-138 болж огцом өссөн. Бид ган бүтээгдэхүүнийг өндөр үнээр авдаг шалтгаан нь Монгол Улсаас БНХАУ руу экспортлох түүхий эд болох төмрийн хүдрийг 1700 км, коксжих нүүрсийг 600 км тээвэрлэж, тус бүрт нь олон төрлийн тээвэр болон гаалийн зардал хураамжийг шингээгээд, эргээд уг түүхий эдээр үйлдвэрлэгдсэн ган бүтээгдэхүүнийг БНХАУ-аас худалдан авч, Монгол Улс руу импортлох олон төрлийн тээвэр, гаалийн зардал, хураамжийг төлсний дараа худалдан авдаг.

-Танай компани хүнд үйлдвэрлэл явуулдаг. Ийм төслүүдээ төрөөс бодлогоор дэмжихгүй бол улс хөгжихгүй гэдэг нь тодорхой. Бодлогын өөрчлөлтүүд байна уу?

-Монгол Улсын хувьд нийт экспортын 93 хувийг уул уурхайн гаралтай түүхий эд эзэлдэг. Уул уурхайн салбар хөгжөөд 100 жил болохдоо одоо болтол эрдэс баялгийнхаа 90 хувийг ямар ч нэмүү өртөг шингээлгүйгээр, ямар ч боловсруулалт хийлгүй, түүхийгээр нь нийлүүлж байгаа юм. Харин эргүүлээд боловсруулсан бүтээгдэхүүнийхээ хэрэглээний 90 орчим хувийг импортоор авч байна.

Монгол Улсын Засгийн газар нь Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ган төмөрлөг, зэс, нүүрс-хими, нефтийн гэсэн дөрвөн чиглэлээр суурь аж үйлдвэрүүдийг тухайн бүс, аймгийн онцлог, байгалийн нөөцөд тулгуурлан үе шаттайгаар олборлолтоос боловсруулах чиглэлээр хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.

Манай улс жил бүр 8 сая гаруй тонн төмрийн хүдэр, 30 гаруй сая тонн коксжих нүүрс гэх мэтчилэн гангийн үйлдвэрлэлд ашигладаг түүхий эдээ шууд түүхийгээр нь экспортолсоор байна. Тоон баримтаар боловсруулах үйлдвэрийн эдийн засгийн өгөөжийг харьцуулж харуулахад: 2021 онд экспортолсон түүхий эдийг ган бүтээгдэхүүн рүү хөрвүүлбэл 7.1 саятонн төмрийн хүдэр гэдэг нь 3.4 сая орчим тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, 32.2 сая тонн коксжих нүүрс гэдэг нь 16.7 сая орчим тонн нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж гэсэн үг юм.

Өөрөөр хэлбэл, экспортын орлогыг ган бүтээгдэхүүний үнээр илэрхийлбэл төмрийн хүдрийн экспортын орлого болох 952 сая ам.долларын орлого нь 3.4 тэрбум ам.долларын нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн болох, коксжих нүүрсний экспортын орлого болох 8.4 тэрбум ам.долларын оронд 16.8 тэрбум ам.долларын нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн болох боломжтой байсан гэсэн үг юм.

Ерөнхийдөө бол Монгол Улсын эдийн засаг хоёр хөршөөс хамаарсан цар тахал, геополитикийн асуудлуудаас болоод хүнд бэрхшээлүүдээр дүүрэн байна. Одоо тулгамдаад байгаа хамгийн том асуудал бол валютын хомсдол. Саяхан ОУВС-гийн валютын нөөцийн хомсдолын голлох хүчин зүйл нь барилгын материалын импорт байгаа учир 2023 оноос ипотекийн зээлээ зогсоох зөвлөмж гарсан. Хэрвээ ипотекийн зээл зогсвол маш олон барилгын компани дампуурах эрсдэлтэй болж, өндөр өртгөөр барьсан орон сууцууд эдийн засгийн эргэлтэд орохгүй гацаж, эдийн засаг улам агшина. Бид одоо л алдаагаа ухамсарлаж ийм богино хугацааны шийдлийг гаргах биш урт хугацааны барилгын голлох материалын үйлдвэрүүдээ аль болох хурдан ашиглалтад оруулах нэн шаардлагатай. Тэгж байж урт хугацаандаа эдийн засаг тогтвортой хөгжинө.

-Таны ярианаас харахад бидэнд гангийн үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээх боломж маш их байдаг юм байна. Ингэхэд танай компанийн эхлүүлсэн болон эхлүүлэхээр бэлтгэж байгаа гангийн төслүүдийн ажил ямар явцтай байгаа вэ?

-Манай компанийн хувьд Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах, ган төмөрлөгийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин 2003 оноос судалгаа, шинжилгээний ажлыг хийж, үндэсний хэмжээний стратегийн ач холбогдол бүхийтөслийн ажлыг2005 онд эхлүүлсэн.Сүүлийн 20-иод жилийн хугацаанд манай хамт олон анхдагч түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсээс нэмүү өртөг шингэсэн эцсийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх гангийн цогцолбор үйлдвэр барих зорилтын хүрээнд олон шат дамжлага дажсан 4 үйлдвэрийг амжилттай ашиглалтад оруулсан. Монгол Улсынгангийн салбарыг хөгжлийн дараагийн түвшинд аваачиж чадсан гэж бодож явдаг.

-Хамгийн анх төмрийн баяжмалын үйлдвэрээ ашиглалтад оруулж байсан бил үү?

-Тийм ээ, 2007 онд Монгол Улсын хамгийн анхны, хамгийн өндөр хүчин чадалтай төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Манай Архангай аймагт байрлах жилд 500,000 тонн хүчин чадалтай уурхайн хажууд байрласан. Энэ үйлдвэр нь байгаль дээр байгаа дунджаар 45 хувийг агуулгатай төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар 62 хувийн төмрийн агуулгатай болгож баяжуулдаг. Үйлдвэр жилд 250.000 тонн төмрийн нойтон баяжмал үйлдэрлэх хүчин чадалтай. Төмрийн хүдрийн баяжмал нь дараагийн шатны үйлдвэрлэлийн түүхий эд болдог бөгөөд шууд экспортлох ч боломжтой.

Дараа нь Монгол Улсын хамгийн анхны шууд ангижруулсан төмрийн үйлдвэрүүдийг 2009, 2011онд тус тус ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр нь 120 метр урттай туннел зуухаар хүрэн нүүрсийг сигнтекжүүлэх замаар зуухыг 1,200 цельс хүртэл халааж төмрийн баяжмалыг 82 хувийн агуулгатай шууд ангижруулсан төмөр болгодог.Мөн бид 2015 оноос коксжих нүүрснээс кокс үйлдвэрлэх туршилтыг амжилттай хийсэн.Манай хоёр үйлдвэрийн жилийн нийт хүчин чадал нь шууд ангижруулсан төмрөөр бол 100,000 тонн,коксоор бол 120,000 тонн.

-Танай үйлдвэрүүд өнөөдрийн дэлхийн ган үйлдвэрлэх технологийн аль хавьд нь явдаг вэ?

-Дэлхий дээр ган үйлдвэрлэгдэж байгаа үндсэн хоёр төрлийн технологи байдаг. Үүний нэг нь BF-BOF буюу домен зуух, хүчилтөрөгчийн конвертор хосолсон,дэлхий дээрх нийт гангийн 70-аад хувь нь үйлдвэрлэгдэж байгаа технологи. Хоёр дахь нь EAF буюу цахилгаан нуман зуух, нийт гангийн 30-аад хувь үйлдвэрлэгдэж байгаа технологи. Үлдсэн багахан хувийг индукцийн зуухны гэх мэт технологиор үйлдвэрлэгдэж байна.

Манай төслийн хувьд дэлхийн гангийн үйлдвэрлэлд туршигдсан BF-BOF буюу домен зуух, хүчилтөрөгчийн конвертор хосолсон болон EAF буюу цахилгаан нуман зуухны технологийн аль алийг нь суурилуулсан байгаагаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар төмрийн хүдрийн нойтон баяжуулах, шууд ангижруулсан төмрийн үйлдвэрлэлийн туннел зуух, ширэмний үйлдвэрлэлийн домен зуух, ган үйлдвэрлэлийн хүчилтөрөгчийн конвертор, цахилгаан нуман зуух, шанаган зуух, тасралтгүй цутгах машинын тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад байна.

-Эрдэнэтийн гангийн үйлдвэр маань одоо ямархуу явцтай байна вэ?

-Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн хүрээнд Монгол Улсын хамгийн анхны бөгөөд цорын ганц ширэмний үйлдвэрийг 2014 онд Монгол Улсын Хөгжлийн Банкны санхүүжилты дэмжлэгэтэйгээр ашиглалтад оруулсан. Энэ үйлдвэр байгаль дээр байгаа дунджаар 45 хувийн агуулгатай төмрийн хүдрийг коксоор хайлуулж 92 хувийн агуулгатай ширэм болгодог. Манай хамт олон 2014 оноос Монгол Улсдаа анх удаа Ширэм үйлвэрлэж эхэлсэн байдаг.Уг ширмийг БНХАУ, БНСУ руу бага хэмжээгээр экспортлож байсан.БНСУ-ын хамгийн том сантехникийн хоолой үйлдвэрлэгч KCIP компани нь Монгол ширмээр сантехникийн трубагаа хийдэг. Мөн, УБТЗ 2015 оноос хойш бидний үйлдвэрлэсэн ширмээр өөрийн хэрэгцээний вагоны ширмэн шахавч буюу колотка (авто машинаар бол наклад)-г үйлдвэрлэж байгаа.

Ган хайлах үйлдвэрлэлийн дийлэнх тоног төхөөрөмжийг (Хүчилтөрөгчийн конвертор, Цахилгаан нуман зуух, Шанаган зуух, Тасралтгүй цутгах машин, Туслах тоног төхөөрөмж, Хүчилтөрөгчийн станц, Хөргөлтийн усансан) суурилуулсан байна. Төслийн гүйцэтгэл 85 хувьд хүрсэн ч одоогийн байдлаар санхүүжилтгүй болоод зогссон байдалтай байна. Манай төсөл нь Монгол Улсдаа анхдагч түүхий эдээс эцсийн ган бүтээгдэхүүн гаргахад хамгийн ойр цорын ганц төсөл гэдгээрээ онцлог.

Үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор жилд 200,000тонн буюу ган төмөрлөгийн зах зээлийн 40 орчим хувийг дангаараа хангах боломжтой.

-Хэрэв Эрдэнэтийн гангийн үйлдвэрлэлийн энэ том төсөл бүрэн хэрэгжиж ажиллаад эхэлбэл ач холбогдол, үр өгөөж нь маш их байгаа даа?

-Манай төсөл амжилттай хэрэгжсэнээр олон талын нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Үүнээс дурдвал:

1. Хамгийн багадаа 200 сая ам.долларын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэснээрээ энэ хэмжээгээр жил бүр гадагшаа урсаж буй валютын урсгалыг бууруулна. Мөн мэдээж, АМНАТ, НӨАТ, газар, ААНОАТ, НДШ гэх мэтчилэн татвар, хураамжийг улс болон орон нутгийн төсөвт төлнө.

2. 1,100 шууд ажлын байр бий болгох ба бэлтгэн нийлүүлэгч, тээвэрлэл, борлуулалт, дагалдах үйлдвэрлэл гэх мэтчилэнгээр 2,500 орчим шууд бус ажлын байр бий болгоно.

3. Дотооддоо уул уурхайн коксжих нүүрс, төмрийн хүдэр, шохойн чулуу, доломит, жонш нэх мэтчилэн нийт сая гаруй тонн түүхий эдийг экспортын бус эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор худалдан авна.

4. Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг нэг шат ахиулна. Бүсийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дагалдах жижиг, дунд үйлдвэрлэл хөгжих үндэс суурь нь болно.

5. Барилга, дэд бүтэц, уул уурхай, газар тариалан гэх мэт салбарын ган бүтээгдэхүүний нийлүүлэлт болон үнийг тогтвортой болгоход нөлөө үзүүлнэ.

6. Үйлдвэрийн бүтээгдэхүүн нь улс орны хувьд стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэдэг ангилалд багтана.Дотооддоо бусад улсаас хараат бусаар гангаа үйлдвэрлэснээр Монгол Улсын дархлаа болж, батлан хамгаалах, аюулгүй байдлын баталгаа болно.

-Эрдэнэтийн гангийн төсөл 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна. Хэдийгээр ашиглалтад оруулах төсөөлөл байна вэ?

-Төслийн үлдэгдэл хөрөнгө оруулалт шийдвэрлэгдсэнээр 2023-2024 онд Монгол Улсын анхдагч түүхий эдээс үйлдвэрлэсэн анхны ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломжтой болно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Нэгэнт гангийн тухай ярьсных дэлхийн гангийн салбарын өнөөдрийн байдал ямархуу түвшинд байна вэ. Ган төмөрлөгийн үйлдвэрлэлээрээ ямар улс тэргүүлж байна?

-Аж үйлдвэрийн хувьсгал хийж, тэр дундаа ган төмөрлөгийн салбараа дараагийн түвшинд аваачиж чадсан улс орнууд л дэлхийд хамгийн хөгжингүй, хүчирхэг нь байна. ХХ зууны эхээр АНУ аж үйлдвэрийн хувьсгал хийж бусад улсаас илүүтэйгээр гангийн үйлдвэрлэлээ эрчимтэй хөгжүүлж чадсан. АНУ-ын гангийн эцэг гэгддэг Андрю Карнеги нь хямд өртөгтэй гангийн үйлдвэрлэл бий болгохоор хөрөнгө оруулалт хийснээр технологийн дэвшлийг ашиглан ганг үйлдвэрлэхэд хамаагүй хямд, илүү өргөн хүртээмжтэй болгох боломжийг олгосон юм. Үний үр дүнд төмөр зам, гүүр, хөлөг онгоц, дэд бүтэц, барилга зэрэгт зориулсан ган их хэмжээгээр үйлдвэрлэснээр АНУ-ынэдийн засаг огцом өссөн. Тэр үеэс л АНУ одоог хүртэл дэлхийн хамгийн хөгжингүй, хүчирхэг, эдийн засгаараа тэргүүлэгч улс хэвээр байна.

Одоогоор дэлхий даяар нийт 2 тэрбум орчим тонн ган үйлдвэрлэж байна. Үүний 50 гаруй хувийг бидний хөрш БНХАУ үйлдвэрлэдэг. Сүүлийн хэдэн арван жил БНХАУ аж үйлдвэрийн салбараа эрчимтэй хөгжүүлж, маш их хурдацтай хөгжиж дэлхийд эдийн засгаараа 2 дугаар байранд орж зарим жилд АНУ-ыг тэргүүлж байна. Аж үйлдвэрийн салбар дотроо ган төмөрлөгийн салбараараа дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн топ 50 ган үйлдвэрлэгч команийн 40-өөс дээш нь БНХАУ-ын компаниуд. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрний хөгжлийн нууц нь ган төмөрлөгийн салбараа зөв цагт хурдацтайгаар хөгжүүлж улс орны хөгжлийг тодорхойлдог дэд бүтэц, барилга, уул уурхай, аж үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтыг хийсэнд байгаа юм. Үүнээс гадна БНСУ, Япон гээд маш олон хүчирхэг эдийн засагтай улсуудын жишээг дурдах боломжтой. Тиймээс л ган бол улс орны хөгжлийн суурь, стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн.

Түүнчлэн улс орны хөгжил, хөгжлийн хурдыг зарим тохиолдолд нэг хүнд ногдох гангийн хэрэглээгээр тодорхойлж болдог. Дэлхийн нэг хүнд ногдох гангийн дундаж хэрэглээ 2021 оны байдлаар 233 кг байсан, хамгийн их хэрэглээтэй БНСУ-ын нэг хүнд ногдох гангийн хэрэглээ 1,076 кг байна. Харин Монгол Улсын нэг хүнд ногдох гангийн хэрэглээ 150 орчим кг. Дэлхийн дунджаас 40 хувиар бага байна гэсэн үг юм.Энэ нь Монгол Улсын ган бүтэгдэхүүний өндөр үнэтэй, дотоодын үйлдвэрлэл муу байгаатай шууд холбоотой.

Монгол хүн бүрийн мөрөөдөл бол эх орондоо үйлдвэрлэсэн, сайн чанарын ган бүтээгдэхүүнийг ямар нэгэн үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн хомсдол эрсдэлгүй боломжийн үнээр худалдаж авах. Бид энэхүү мөрөөдлийг бодит болгохоор л ажиллаж байна даа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Чулуунцэцэг: Хар нүдэн хүүхдүүд минь хаа яваа бол DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… АХМАД СЭТГҮҮЛЧ Д.ЧУЛУУНЦЭЦЭГТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


1988 онд дайнтай
байсан Афганистанаас 27 афган хүүхдийг Монголд авчирч асарч тойлж байгаад явуулсан
билээ. Тухайн үед афган хүүхдүүдээс ярилцлага авч, сурвалжлага бэлтгэж байсан Монголын
радиогийн ахмад сэтгүүлч Д.Чулуунцэцэгтэй ярилцлаа.


-Монголчууд Афганис­та­наас
хүүхдүүд ав­чирч асарч хүмүүжүүлж байсан. Тухайн үед та тэр хүүхдүүдийн тухай радиогийн
нэвтрүүлэг бэлтгэж байсан гэдэг. Тэр үйл явдлын тухай яриагаа эхэлье. Таныг очиход
ямар­хуу хүүхдүүд угтсан бэ?

-1990 оны намар шиг
санаж байна. Сансрын үйлчилгээний төвийн дэргэдэх “Хараацай” нэртэй цэцэрлэгт хүмүүжиж
байсан афган хүүхдүүдтэй уулзаж сурвалжлага авч байж билээ. Гялалзсан хар нүдтэй,
хөөрхөн бор хүүхдүүд монголоор гайхалтай сайхан ярьж, монголоор дуулж бүжиглэж,
үлгэр ярьж эгээ л монгол хүүхдүүд шиг байсан даа. Үл ялиг аялгуутай, одоогоор манайхны
баруун аймгийн ястны хэл аялгуутай төстэй юм уу даа. Г-г к-гээр хэлэх жишээний аялгуутай
ярьдаг. Гэхдээ ээрч түгдрэх, хүний яриаг ойлгохгүй эргэлзэж тээнэгэлзэнэ гэж ер
үгүй. Монголд ирээд хоёр жил болчихсон болоод ч тэр үү, яг л монгол хүүхдүүд шиг
ярьж байсан. Би тэдэнтэй хагас өдөр бужигнаж өнгөрөөсөн дөө. Тэдэнтэй хамт хоёр
багш дагаж ирсэн нь монголоор бага сага ярьдаг болчихсон байсан. Тэр цэцэрлэгийн
багш казах бүсгүй гол орчуулагч. Та бүхэн тэр багшийг олж ярилцлага хийвэл олон
сонин зүйл ярих байх даа.

-Ээж ааваасаа хол,
хүний нутагт ирсэн хүүхдүүд юуны талаар ярьж байв. Та тухайн үед хийж байсан ярилцлагаасаа
манай уншигчдад сонирхуулахгүй юу. Тэд нэлээн сахилгагүй хүүхдүүд байсан гэдэг?

-Сахилгагүй байсан
эсэхийг сайн хэлж мэдэхгүй юм. Хүүхдүүд хойно хөдөлгөөнтэй байсан байх, ямар ч байсан
тун сэргэлэн хүүхдүүд байсан даа. Олонхи нь 4-5 орчим насны хүүхдүүд. Яг л манайхны
хүүхдүүд шиг хоорондоо уралдаж ирээд л ярина. Миний асуултад бие биеэсээ өрсөж ярих
гэж урагш давшиж зүтгэлээд, хоорондоо түлхэлцэж, сандарч тэвдэхдээ бүр ээрч түгдрээд
л… тэдний тэр хөгжилтэй хөөрхөн байдал одоо ч миний нүдэнд тодхон харагдаж байна.
Энэ дурсамжаа эргэн санах бүр тэд маань одоо хаана, юу хийж яваа бол доо гэж эрхгүй
бодогддог юм. 2008 онд бил үү дээ, Ираны радиогоос зарласан Олон улсын уралдаанд
“Радио цомог” нэвтрүүлэг бэлтгэж оролцохдоо “Хар нүдэн хүүхдүүд минь хаа яваа бол”
гэсэн бүлэгтээ өнөө афган хүүхдүүдтэй хийсэн ярилцлагаа, тэдний дуу хууртай оруулсан
юм. Энэ нэвтрүүлэг маань сүүлийн шат хүртэл давхисан даа.

Тэр ярилцлагын маань
гол баатар Суммоли хүү байсан юм. Хүү ярихдаа: “Би том болоод баатар болно. Дайн
муухай, хүмүүс буудалцаад, байшин нураад, хүүхэд уйлаад. Би дайнд дургүй…” гэж
ирээд ярьсан байдаг юм. Тэр яриа одоо хүртэл надад хадгалагдаж байдаг юм. Би тэр
нэвтрүүлгээрээ Суммоли хүү болоод бусад хар нүдэн охидуудаа дурсан санаж “Хар нүдэн
хүүхдүүд минь хаа явна даа, та нарыгаа монголчууд бид мартаагүй ээ…” гэсэн юм.
Ер нь би тэднийг одоо ч дурсч, ярьж байдаг. Харин хүүхдүүд маань танай тэр афган
жаалууд чинь террорист болчихсон яваа бол яана гэж намайг цаашлуулж суудаг юм.

-Афган хүүхдүүдийн
талаар тухайн үед хүмүүс ямар хандлагатай байсан бол. Тухайлбал таны нэвтрүүлгийг
хүмүүс яаж хүлээж авсан бэ. Өөрсдийгөө яая гэж байж юун гадны хүүхэд асрах гэж хэмээн
ундууцах хүн байсан уу?

-Өө, манайхан тун
сайхан хүлээж авдаг байсан шүү. Тэр үед тэдний талаар телевизээр ч бас нэлээд нэвтрүүлдэг
байсан. Гэхдээ тэр афган хүүхдүүдийн яриа, бичлэг миний хувийн фондод л үлдсэн шиг
байгаа юм. Миний тэр сурвалжлага дотоодын сонсогчдод биш гадаадын чиглэлд зориулсан
юм. Тухайн үед Японы сонсогчдоос сонирхсон, гайхсан захидал хүртэл ирж байсныг санаж
байна. Монголчууд афган хүүхдүүдийг асарч өсгөж байгаа нь, афган хүүхдүүд монгол
хэлээр ярьж байгаа нь тэдний сонирхлыг үнэхээр татаж байсан байх.

Хар нүдэн хүүхдүүд
минь хаана юу хийж яваа бол доо, Суммоли хүү маань яаж яваа бол доо гээд бодогдоно
доо. Магадгүй тэр хүү хүсээгүй буугаа бариад буудалцаж явааг үгүй гэх аргагүй. Нутаг
орон нь дайны хөлд байгаа хойно сайн сайхан юм бодогдох нь ховор доо. Нэг үе хар
нүдэн хүүхдүүдийнхээ эрэлд мордохсон гэж их боддог байлаа.

-Одоо дайнд нэрвэгдээд
байгаа сири хүүхдүүдийг авчирч асарч өсгөж өгье гэж манай сонин бичиж байгаа. Үүнийг
та зөв гэж бодож байна уу?

-Монголчууд хэзээнээс
ядарч зовсон нэгэндээ тусалж ирсэн ард түмэн. Манайхан энэ талаар ер нь уламжлалтай,
бас туршлагатай ч гэж хэлж болох байх. 1950-иад оны сүүл үеэр Солонгосын өнчин хүүхдүүдийг
сургаж хүмүүжүүлж байсан. Тэдний амьдарч байсан байшин өнөө ч Зайсангийн аманд бий
шүү дээ. Тэр үед би цэцэрлэгт байсан юм. Одоо Чингисийн хөрөг буй уулын орой дээр
хоёр хүн чулуу хэлбэртэй чулуу байдаг байв. Манай цэцэрлэгийн хүүхдүүд “Солонгос
сургуулийн хүүхдүүд гэрээ санаад гэр рүүгээ явах гэж байгаад энэ уулын орой дээр
эндсэн юм. Тэгээд энэ хоёр чулууг босгосон гэнэ лээ” гээд “бурдаг” байж билээ. Инээдтэй
шүү, хүүхдүүд л өөрсдийнхөө сэтгэхүйгээрээ ургуулан бодсон зүйл байсан байх даа.
Дараа нь Афганы хар нүдэн хүүхдүүд амар тайван хэдэн жил болоод нутаг буцсан. Тухайн
үед үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс өргөж авах санаатай очиж байсныг би мэдэх
юм байна. Тэр хүүхдүүд хоёр улсын гэрээгээр ирсэн. Бүтэн өнчин ховор. Олонхи нь
эх нь үгүй ч, эцэг нь цэргийн хүн байдаг. Тэд буцахаараа байлдаж байгаа аавууд дээрээ
очно гээд буцааж байсан тухай сураг сонсож байсан.

Солонгос, Афганы өнчин
хүүхдүүдэд орон гэр нь, эцэг эх нь болж байсан манай улс сири хүүхдүүдийг хүлээж
авахад болохгүй нь юу байхав. Ер нь монголчууд бид өнчнийг өрөвдөж, өөрөө хоосон
ч өрөөлийг хооллож чаддаг хүмүүс шүү дээ. Тийм болохоор туршлага ч байна, сэтгэл
ч байна гэж бодож байна. Би хувьдаа танай сонины уриалгыг дэмжиж байна.

-Та их олон сурвалжлага
хийж, олон янзын хүмүүстэй уулзаж ярилцаж байсан байх. Хамгийн тод санаанд үлдсэн
үйл явдал ч юм уу, сонин намтар түүхтэй хүмүүсийн тухай ярья гэвэл алийг нь онцлох
вэ?

-Би радиод ажиллах
хугацаандаа олон үйл явдалд оролцож, олон ч нэвтрүүлэг бэлтгэж байсан. Аль бүгдийг
ярьж барах билээ. Тэр бүгдийн дундаас Афганы хар нүдэн хүүхдүүдтэй уулзаж хийсэн
нэвтрүүлэг минь хамгийн сонин содон, хамгийн их сэтгэл догдлуулсан мартагдашгүй
үйл явдлын нэг байсан гэж боддог юм. Миний бүтээлийн бараг 80-аас илүү хувь нь гадаадынханд
чиглэсэн байдаг тул Монголоороо бахархаж, монголчуудаа магтан дуулсан байдаг юм.
Гадаадын сонсогчид олны танил хүмүүсээс илүүтэй эгэл хүнийг сонирхдог юм. Гадаадынханд
зориулсан “Хүмүүс” булангаараа 11 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн Мэндсэн ээж, хараагүй
дуучин бүсгүй Баярдулам, тэмээчин эмэгтэй Аюуш… гээд эгэл хүний тухай өгүүлсэн
нэвтрүүлгүүдэд их олон захидал ирж байлаа. Монголын 11 хүүхэдтэй ээжийн нэвтрүүлгийг
сонсоод Хирошима хотын иргэн “11 хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг бидний санаанд буухгүй
байна. Манай гэр бүл ганц хүүхэдтэй мөртлөө ажил их, амжихгүй гээд эцэг, эхээрээ
хүүхдээ харуулдаг. Таны нэвтрүүлгийг сонсоод бид бодлоо өөрчилж, хүүхдээ өөрсдөө
өсгөхөөр шийдлээ” гэж бичиж байлаа. Ер нь эгэл хүмүүс л жинхэнэ монгол, монголчуудын
төлөөлөл болдог юм.

-Та сургуулиа төгсч
ирээд л Монголын радиод ажил­лаж, тэндээсээ тэтгэвэртээ гарсан гэхээр олон жилийн
үнэнч хөдөлмөр санагдаж байна. Таныг анх радиод ирэхэд хуучны ланжгарууд байсан
биз?

-Тэгэлгүй яахав. Мундаг
ланжгаруудын гар дээр ирсэн азтай хүн шүү, би. Радиогийн нэрт сэтгүүлч Соёлын гавьяат
зүтгэлтэн Гүнсэн, Сандуйжав гуай биднийг тосож авч байлаа. Би анх хятад хэлний редакцид
орчуулагчаар ирж байсан. Тэр үед нэрт сэтгүүлч С.Одхүү, Лувсандорж, Нанж.Лхагва,
Ү.Хүрэлбаатар нарын материалыг орчуулж хөлд орж, хэл зүгширч үеийн нөхөд П.Соёлдэлгэр,
Б.Нарантуяа, А.Авирмэд, С.Цогтсайхан нартай өрсөлдөж сэтгүүлч болж билээ.

-Монголын радио
хятад хэлний мэргэжилтнээ бэлтгэхдээ Вьетнамд бэлтгэж байсан сонин үе байжээ. Тэр
үеийн талаар та ярихгүй юу?

-Энэ бас л түүхийн
нэгэн үйл явдалтай холбоотой юм даа. Радиод орчуулагчаар ирээд хоёр жилийн дараа
Монголын радио, Вьетнамын радио хоёрын хамтын ажлын хүрээнд Вьетнамын радиод нэг
жилийн хугацаатай сурахаар явсан юм. Тэр цаг үе бас сонирхолтой байсан даа. Хятад-Вьетнамын
дайнаас ердөө ганц сарын дараа Вьетнамд очиж билээ. Вьетнамын хүнд үеийн амьдралыг
нүдээр үзэж, биеэр туулсан. Бас Хятад-Вьетнамын цэргийн олзлогсдыг солилцох түүхэн
үйл явдал, дайны хөлд нэрвэгдсэн Лангшон мужийг нүдээр үзэж, дарийн утаа үнэрлээд
авсан гэж байгаа.

-Та орчуулагчаар
ажиллаж байгаад сэтгүүлч болсон. Одоо харин сэтгүүлчийн мэргэжлээр сурч байгаа залууст
багшилж байгаа байх аа?

-Би 1977 онд МУИС-ийг
хэл уран зохиолын багш, хятад хэлний орчуулагч гэсэн хос мэргэжлээр төгсөж, мөн
жилээ Монголын Радиогийн Гадаад нэвтрүүлгийн Хятад хэлний редакцид ирж 10 жил орчуулагч
хийж байгаад сэтгүүлчийн мэргэжил рүү урвасан юм. Радиогийн Гадаад нэвтрүүлгийн
албанд 30 жил ажиллахдаа гадаадынханд монгол, монголчуудаа бичиж, монголоороо гайхуулж,
бахархаж ирсэн. Харин сүүлийн таван жилд нь радиогийн өргөн нэвтрүүлэгт ажиллаж
байгаад одоо СУИС-ийн Радио-Телевизийн сургуульд багшилж байна. Багш болсноор ном
гаргах ажилтай сууж байна даа. Хэрэв багш болоогүй бол нэг ч ном гаргахгүй байсан
байх. Одоогийн байдлаар хоёр ном бэлтгээд байна. Нэг нь радио, телевизийн сэтгүүлзүйн
оюутан, магистрантуудад зориулсан “Эфир ба сэтгүүлч” ном олны хүртээл болсон.

-Таны радио бүтээлийн
сан хэр арвин бол?

-Өө, тоолж тооцож
барахгүй л дээ. Харамсалтай нь радио бүтээл
хадгалагдаж үлдэх нь ховор юм. Нэвтрээд арчигдаад өнгөрчихнө. Залуу байхад бүтээлээ
хайрлаж, хадгалахаа мэддэггүй байж. Радиогийн алтан санд орсон бүтээлүүдээс гадна
ямар нэгэн байдлаар гар дээр үлдсэн бүтээлийнхээ багахан хэсгээр нь энэ номоо бүтээж
байна. “Монголын дуу хоолой” радио өнөөдөр 50 нас өнгөрч байна. Гэхдээ манай хүмүүс
биднийг бараг л мэддэггүй юм. Харин гадаадад бол мэдэхээр барахгүй, бүр тооно шүү
дээ…/инээнэ/

-Танай сонсогчдын
захидлууд хөгжилтэй сонин содон асуултаар дүүрэн байдаг гэсэн. Та сонирхуулахгүй
юу?

-Энэ тухай хэлнэ гэвэл
барагдахгүй ээ. Харин санаж байгаа хэсгээсээ хэлье. Тухайлбал гадныхан “Малчид нүүж
суухдаа газрынхаа чиг баримжааг яаж тогтоодог вэ, эргээд бууриндаа төөрөхгүй ирж
чадах уу?, Монголд мал хариулдаг нохой байдаг юм байна. Харин тийм муур байдаг болов
уу?, Монголд хүмүүс, тэр дундаа хүүхдүүд траншейнд амьдардаг тухай сонсоод их цочлоо.
Энэ бол Японд төсөөлшгүй зүйл. Монголд баян, ядуугийн ялгаа хэр байдаг вэ?, Улаанбаатарчууд
зун болохоор зуслангийн байшин руугаа нүүдэг гэж сонслоо. Японд зуслангийн байшинтай
хүмүүс тийм ч олон биш. Ингээд бодохоор монголчууд илүү баян тансаг юм биш үү?,
Малчид тэр олон зуун малаа яаж ялгаж таньдаг юм бэ…? гэх олон хачин асуултынхаа
хариуг авахаар хүлээнэ. Харин энэ болгон нь бидэнд шинэ санаа өгч, дараа дараагийн
нэвтрүүлгийн маань эхлэл болж байдаг юм шүү дээ.

-Ингээд бодохоор
гадаад нэвтрүүлгийнхний бичлэгийн өнгө төрх нэлээд өөр байх даа?

-Бидний бичлэгийн
өнгө төрх, хэв маяг өргөн нэвтрүүлгийнхээс өөр өө өөр. Тухайлбал, зөвхөн монгол
хүн л ойлгож мэдэх өвөрмөц ахуй, ёс заншил гээд олон зүйлийг бичлэгийнхээ өнгө төрхийг
алдагдуулахгүйгээр тайлбарлан хүргэх. За тэгээд ямар ч мэдээллийг үндэсний онцлогоо
илэрхийлэхийн хамт сонирхолтойгоор хүргэх гээд олон зүйл бий. Манай сонсогчид бидэнд
урам хайрлаж, биднийг хөглөж хөгжөөхөөс гадна бас шударга шүүмжлэл, хатуу үг ч дуулгана.
Надад тохиолдсон нэг зүйл одоо ч санаанаас минь гардаггүй юм. Нэг удаа “Дуут элс”
гээд тэмдэглэл бичлээ. Дараахан нь Японы нэг сонсогчоос “Дуут элс” гээд сонирхолтой
нэвтрүүлэг сонслоо. Харамсалтай нь тэр элс яаж дуугардгийг нь сонсгосонгүй дээ…” гэж бичсэн байсан. Нээрэн тийм шүү дээ, миний
санаачилга дутсан хэрэг. Тэр явдлаас хойш жилийн дараа Германы Дойчивэлли радиогийн
сурвалжлагчтай хамт Хонгорын элсэн дээр очих үедээ өнөө дуу чимээг бичиж авах болов.
Харамсалтай нь салхи шуургагүй зуны сар байсан болохоор бүтэхгүй болов. Харин нутгийн
хэдэн залуу элс нураахаар болж, би аппаратаа
үүрээд манхан өөд зүтгэлээ. Нэлээд явж байгаад ядраад зогсож байтал дээр онгоц нисэж
байна шүү. Дээшээ хараад онгоц хайгаад байв. Гэтэл өнөө залуус: “Зүтгээд бай эгчээ… дуугарч байна, сонсож байна уу…?” гэлээ. Гэтэл
элсний нуралт онгоц шиг дуугарч байгааг сая мэдээд тэр чимээг бичиж авахаар аппаратаа
залгаж билээ.

-Олон жил гадаадын­ханд
хандаж Монгол, монголчуудынхаа тухай бичээд ирэхээр монголоороо омогших сэтгэл хүн
хүнээс илүү төрдөг байх даа?

-Тэгэлгүй яахав. Ёстой
нэг омогшино шүү дээ. Ер нь өөрөө барьж байгуулж, хийж бүтээсэн юм шиг хөлсч хөөрдөг
юм, сонин шүү. Бидэнд гадаадын сонсогчдын
ирүүлсэн асуулт бичих сэдвийг минь хэлээд өгчихдөг юм, сайхан шүү. Харин тэдний
сэтгэлд хүртэл хийх нь л чухал… Би сонсогчдоо хүүхэдтэй адилтгаж нэвтрүүлгээ хийхийг
хичээдэг. Яагаад гэвэл тэдэнд бидний талаар мэдэхгүй, бүр төсөөлөх ч үгүй зүйл их
бий. Дээр сонирхуулсан сонсогчдын асуултуудаас та анзаарсан байх. Тиймээс тусгайлан
хандсан тайлбарт нэвтрүүлэг хийхээс гадна бусад нийтлэл нэвтрүүлэг дотор тэдэнд
ойлгомжгүй зүйлийг тайлбарлах шаардлага гардаг. Чухам энэ л бидний нэвтрүүлгийн
гол онцлог юм даа. Ямар ч үед “Миний сонсогч хэн бэ?” гэдгийг мартаж болохгүй. Жишээ
нь торомны уралдааны тухай бичихдээ, “…Сонсогч та, тором гэж ямар амьтан болохыг
мэдэх үү? Энэ бол дороо нэг юм уу, хоёр дүүтэй, дөнгөж хөхнөөс гарч яваа жаахан
тэмээ. Мориор бол даага, хүнээр бол гурван настай хүүхэд. Та бодоод үз дээ, дөнгөж
хөхнөөс гарч яваа амьтан гэхээр ямар байх билээ. Уралдаж яваагаа мартаад өөр тийшээ
давхиж мэднэ. Уралдааны замд нэг тором урагш давхихгүй адарч, унасан жаахан эзнээ
мөн ч их зовоож харагдана билээ. Манай телевизээр гардаг “Мөлхөө тамирчид” нэвтрүүлгээр
хэдэн маамуу уралдаж, зарим нь ээж рүүгээ зүтгэж уралдааны замаас гарч, зарим нь
уралдаж яваад гэнэт зогсож амьтан хүнийг инээлгэж байсан шиг явдал мөнөө л торомны
уралдаан дээр гарч байлаа. Эхний зургаад давхиж явсан торомны овсгоотой эзэн бариан
дээр эхийг нь буйлуулахад өнөө тором эх рүүгээ ухасхийн хурдалснаар айргийн тавд
орж, хурсан олныг хөгжөөж билээ…” гэж “Тэмээний баяр”-аас хийсэн тэмдэглэлдээ
бичих жишээний.

-Өнөөдөр манай
хүүхэд залуучууд ч бас гадаадынхан шиг болчихоод байна шүү дээ, тиймээ?

-Харин тиймээ, бас
нэг хөгжилтэй зүйл хэлье. Нэг орчуулагч охин
тором гэхийг “Тормо машин” гэж орчуулсан тухай хөгжилтэй яриа миний нэвтрүүлэгт
бий. Би бас хичээл дээрээ гадаадынханд зориулсан “Гүүний үрс гаргах ёс”-ны тухай
нэвтрүүлгээ сонсгохооос өмнө “Гүүний үрс гаргах” гэж юуг хэлдэг вэ? гэхэд мэдэх
хүүхэд бараг л байдаггүй юм билээ. Гэхдээ сэтгүүлч болох хүн мэдэх л хэрэгтэй. Уншиж
танилц, хөдөө нутгаараа яв, үзэж хар, асууж лавла гэж хүүхдүүддээ хэлдэг юм даа.