Categories
арын-нүүр булангууд мэдээ

Унаагаа хуваалцъя

Улаанбаатарын түгжрэлд уртын урт цуваа болон эгнэн зогссон машинуудыг харж байхад таксинаас бусад нь ихэнхдээ л ганц жолооч яваа харагддаг. Нэг машинд нэг хүн. Ажил нь хоёр өөр зүгт байдаг эхнэр, нөхөр хоёр өглөө нэг нэг машин унаад гарах нь ч бий. Тиймээс ч нийслэлд 390 шахам мянган автомашин замын хөдөлгөөнд оролцож байна.

Нэг нэгээрээ машинтай явснаас нэг машинд гурав, дөрвөн хүн суугаад явдаг бол замын ачаалал буурах төдийгүй агаарын бохирдол ч буурна. Үүнийг аль хэдийнэ улс орнууд шийдчихжээ. Америкт л гэхэд “rideshar­ing” буюу унаа хуваалцах гэх нэршлээр хэрэглээнд нэвтэрсэн байна. Uber компани энэ технологио анх “Машинтай хүн бүр ажилдаа явах замдаа такси барихыг хүсч байгаа хүмүүсийг очих газарт нь хүргэн өгч яагаад болохгүй гэж” гэсэн уриагаар гаргаж ирсэн байдаг. Энгийнээр хэлэх юм бол тухайн апплэкейшныг татаж авсан хүн хаанаас хаана хүрэх мэдээллээ оруулахад таксины жолооч эсвэл машинтай хэн нэгэн зам дагуу бол холбогдоод зорьсон газарт хүргээд өгдөг. Энэ үйлчилгээ нь хөлс мөнгөө тохиролцож болдог давуу талтай болохоор үйлчлүүлж байгаа хүн нь хэмнэлт хийгээд сэтгэл хангалуун бууна.

Иймэрхүү үйлчилгээг “Буят-Ухаа” хорооллынхон их хэрэглэдэг. Тэдний фэйсбүүк групп дээр “Өглөө эрт хотын төв явах унаа байна уу”, “Өглөө тэдэн цагт хотын төв руу явна шүү” гэх мэтийн зар их харагддаг. Хөлс мөнгөө таксиныхаас багаар тохиролцоод хүмүүсийг аваад явахад хэн хэндээ л нэмэртэй.

Uber компанийн “унаагаа хуваалцах” үйлчилгээг Монголын хэсэг залуус дуурайж “Easyride” апплэкэйшн гаргасан талаар мэдээлж байсан ч хэрэглээ нь хязгаарлагдмал бололтой.

Хальтиргаатай замд машин барихаас залхмаар энэ өдрүүдэд унаагаа хуваалцах үйлчилгээг улам боловсронгуй, хүртээмжтэй болгомоор санагддаг юм. Таксинд өгдөг мөнгөнийхөө талаар нь өглөө гэрийнхээ орчмоос ажлын зүг явах унаанд дайгдаад, орой ажлынхаа гаднаас гэрийн зүг явах унаанд суугаад харьчихмаар л байна шүү дээ.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын чуулганыг хэвлэл мэдээллээр шууд дамжуулахыг хориглоё

Манай сонины байнга хөнддөг сэдвийн нэг нь энэ юм. Өмнө нь бид УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулж байх талаар хэд хэдэн нийтлэл бичиж байлаа. Радио, телевиз, сонин хэвлэлд нээлттэй байдаг чуулганы хуралдааныг хаалттай болгоё гэж байгаа нь цаанаа учир начиртай юм. Нээлттэй байх, шууд дамжуулах нь нэг талаар эрх баригчдын үйл ажиллагаа, шинээр гарах хууль, тогтоомжийн тухай мэдээллийг цаг тухайд нь авч байх сайн талтай ч сөрөг үр дагавар нь үүнээсээ их болчихоод байна. Яагаад гэвэл УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулах үеэр гишүүд сонгогчидтойгоо уулзалт хийж байгаа мэт ааш авир гаргаж байна. Ард түмэнд таалагдах гоё үг хэлэх, бусдаас онцгой содон харагдах гэх мэтээр сонгуулийн үеийнх шигээ шоудах нь хэрээс хэтэрчээ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар жишээ авъя л даа. Малчдын тэтгэврийн насыг наашлуулах эсэхийг хэлэлцэх үеэр хуулийг дэмжих, шүүмжлэх гишүүдийн нэрсийг авлаа. Гэтэл шүүмжлэх гэж нэрээ өгсөн гишүүн ярианыхаа эхэнд телевизийн камер руу харж байгаад “Би малчны тэтгэврийн насыг наашлуулахыг эсэргүүцэж байгаа юм биш шүү” гэж тодотгон хэлэх юм. Тэгж хэлчихээд цаашаа хараад … энэ хуульд иймэрхүү зүйл байна гээд шүүмжлээд эхэлдэг. Өөрөөр хэлбэл, телевизийн камер харсан гишүүд өөрийнхөөрөө байж, бодсон санаснаа шууд хэлж чаддаггүй. Заавал ч үгүй сайн гишүүний дүр эсгэж, нийтэд таалагдах зүйл ярьж эхэлдэг. Чуулганы хуралдаан дээр сенсаци тарих мэдээлэл хэлсэн гишүүнээс дараа нь тэр талаар нь асуухад “За яахав дээ, жаахан дэгсдүүлээд хэлчих үе байдаг ш дээ” гэж маазрах хүн олон болж. Эзэн Чингис хааны хэлсэн үг байдаг даа, “Морин дээрээс дэлхийг эзлэх амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэж. Тэгвэл манай эрхэм төрийн түшээд маань төр төвхнүүлэх ажилдаа ер анхаарахгүй юм. Дөрвөн жил морин дэл дээр сэлэм эргүүлээд давхих мэт ажиллаж байна. Ийм байхад яаж улс орон өөдлөх билээ. Хэн юу гээд шүүмжилчих бол гэсэн болгоомжлол, айдастай болохоор төрийн гаргаж байгаа шийдвэрүүд нь ч зориг зүрхгүй сулхан харагдах юм. Ер нь төрийн шийдвэр тушаал ард түмэнд таалагдах алба байхгүй. Төр төмөр нүүрээ харуулах үедээ харуулж, зоримог шийдэмгий байх ёстой биш үү. Харин телевизийн камерын дор сайн хүний дүр эсгэж, нахилзаж бөхөлзсөн гишүүд улс оронд хэрэгтэй амин чухал шийдвэрүүдийг гаргаж чадахаа больжээ. Ер нь сүүлийн хэдэн жил УИХ-ын чуулганы нээлттэй хуралдаанаас хэвлэл мэдээлэл, телевиз, сошиал сүлжээнийхэн ч хооллоод сурчихсан юм. Шууд нэвтрүүлгээс өөрсдөдөө таалагдсан эсвэл онцгүй санагдсан хэсгийгээ жижиг жижгээр нь тасдан авч сайлж, муулж баалж суудаг болсон. Үүнээс өөр зүйлээр оролдохоо ч больсон. Бүтээн байгуулалт, үйлдвэр уурхай гээд хийж бүтээж, ажиллаж байгаа хүмүүсийн тухай таг мартсан мэт чимээгүй байх хэрнээ чуулган дээр хэн юу гэж хэрэлдэв гэдгийг л анаад суух жишээтэй.

Шууд дамжуулахын сөрөг үр дагавар ингээд дуусахгүй. Өөр нэг зүйл хэлье. УИХ ямархуу янз байдалтай байна, нийгэм яг тийм байдаг. Боловсрол мэдлэгийн хувьд янз бүрийн л хүн УИХ-д сонгогдож орж ирдэг. Тэдний мухар сүсгээрээ хэлсэн үг, болчимгүй үйлдэл бүр нийгэмд яг тэр чигээрээ бууж хүрдэг. Төрийн түшээ “Хүүхдэдээ эм биш, шээсээ өг” гэж хэлэх, “Энэ хуулиар чинь явбал эхнэртээ гар хүрч чадахаа байх нь” гэх тунирхал шууд л нийгэмд тусгалаа олж байдаг. Үүний тод жишээ байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж чуулганы ирц муу байгаа талаар шүүмжилж, “тэр тэр гишүүн ирээгүй байна, хурал таслахаа боль” гэж чангалав даа, өнгөрсөн долоо хоногт. Гэтэл маргааш нь дархан аварга хүн бөхчүүдээ жагсааж зогсоож байгаад “тогтсон цагтаа бэлтгэл сургуулилтдаа ирдэггүй” гээд загнаж байгаа харагдсан. Чуулган дээр ямар байна, нийгэм яг тийм байна гэдгийн тод жишээ энэ юм. Энэ бол сахилга хариуцлагын тухай сайны жишээ юм.

Төр түшиж байгаа гишүүд маань хэлэх ярих үгээ бодож, эмх цэгцтэй, бусдад хүндлэгдэхээр зангарагтай байж сурмаар санагддаг. Зангараг гэхээр манайхан бас их буруу ойлгодог. Иргэний хөдөлгөөний намаас сонгуульд нэр дэвшсэн Д.Сүхжаргалмаа нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө “…нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэхэд ам эвлэхгүй үг юм. Гэхдээ одоо хүн болгон хэлдэг болсон болохоор би ч гэсэн хэлье. Хулгайч …” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Өндөр боловсролтой энэ эмэгтэй хаана юу гэж ярихаа мэддэг, бусдыг үлгэрлэн дагуулах ёс зүйтэйгээ үйлдлээрээ харуулж байгаа нь тэр. Гэтэл манай чуулган дээр бие биенээ хулгайч, нус, баасаар нь дуудах нь энүүхэнд шүү дээ.

Ийм ийм олон учир шалтгаан байгаа болохоор УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулах ёстой гэж бид үздэг юм. Хаалттай хуралдааны мэдээллийг дараа нь хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлж байж болно. Гишүүд өөрсдөө гарч ирээд ярьж ч болно. Ямартай ч мэдээллийг ямар нэгэн байдлаар түгээх арга нь олдож л таарна. Хамгийн чухал нь хаалттай хаалганы цаана төрд хэрэгтэй шийдвэрүүд гардаг болох юм. Камерын өмнө жүжиглэх шаардлагагүй болохоор гишүүд өөрсдийн үзэл бодлоо шууд хэлж ярьдаг болно. Төрийн түшээд нь ард түмэндээ таалагдах гэж хоёр нүүр гаргадаг болохоор нийгэм ч гэсэн яг тийм болсон. Үүнээс үүдээд монголчууд тэр чигээрээ хоёр нүүртэй, худалч хулхи зантай болцгоожээ. Биднийг нэг зангаараа байдаггүй, хэлсэн үгэндээ хүрдэггүй гэж гадны хөршүүд маань шүүмжилж, баалж байгаа нь үүнээс үүдэлтэй.

УИХ-ын чуулганы хуралдааныг ил тод байлгахүй бол гишүүд далдуур хуйвалдаж байгаад улсаа зарчихаж мэднэ, өөрсдөдөө ашигтай хууль тогтоомжууд гаргана гэж ирээд л шүүмжилдэг. Тиймдээ ч нээлттэй болсон юм. Тэгвэл гишүүд хуйвалдаж байгаад улсаа зарчихна гэх шиг худлаа зүйл гэж хаана байхав. Тийм дээрээ туллаа гэхэд ядаж сөрөг хүчин нь энэ талаар эсэргүүцэж дуугардаг юм байгаа биз дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол ба америк тамирчны ялгаа

Америк олон муж улстай. Энэ мужаасаа шалгарч гарахын тулд ямар ч тамирчин өөрийнхөө хүч хөлсийг шавхаж, хөрөнгө мөнгөө зарцуулдаг. Тэгж байж нэгдсэн улсынхаа шигшээ багт багтвал сая нэг хангалт эдэлнэ. Бас болоогүй ээ, тогтсон норм стандартыг заавал хангах гээд шалгуур өндөр. Мөн тодорхой хугацаатай. Ер нь спортын төрөлд амжилт гаргах нь хувь хүний амжилт бөгөөд хэдий чинээ амжилт гаргана төдий чинээ алдаршихын зэрэгцээ хөрөнгө бэлтэй болж байдаг. Хөрөнгө мөнгө нь элдэв зар сурталчилгааны гэрээ сэлтээс хуримтлагдаж байдаг болохоос төрөөс тэтгэж дэмжээд байдаггүй юм билээ.

Амжилт гаргаж алдар нэртэй болоход хүч хөдөлмөрөө зарцуулах ёстой гэдгийг манай захын тамирчин мэднэ, тэгэх ёстой. Харин үүндээ хувийн хөрөнгө мөнгөө зарцуулдаг гэхээр бидэнд арай л хол хөндий сонсогддог. Зарцуулах хөрөнгө мөнгө ч байхгүй, үгүй ер нь яагаад улсын өмнөөс бид мөнгө гаргах ёстой юм гэж эгдүүцдэг. Арга ч үгүй юм, манайд тамирчин болбол насаараа төрөөс тэтгэмж авч, мөнгө төгрөг гаргуулдаг тогтолцоотой болохоор гайхах нь зүйн хэрэг. Сум, аймгаас эхлээд улсын аварга шалгаруулах тэмцээнүүд гээд тамирчид хар багаасаа л улсын зардлаар уралдаан тэмцээнд ордог. Дараа нь тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд болон олимпод оролцоно гээд өчнөөн төчнөөнөөр нь төсвөөс мөнгө гаргадаг. Онгоц унааны зардал, зочид буудал, дагаж явах дасгалжуулагч, сэтгэл санааг нь тогтвортой байлгах найз залууг нь, илээч бариач, хоол хийх тогоочийг нь хүртэл хамт явуулна. Олимпоос алтан медаль авчихвал нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дээр нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат цол өгч алдаршуулна. Монгол Улсын нэрийг дэлхийд гаргасан юм гээд алдар хүнд, мөнгө төгрөгөө харамгүй өгдөг. Ийм болохоор залуус яаж ийж байгаад тамирчин болчих юмсан гэсэн мөрөөдөлтэй болж, энэ салбар руу хошуурч байна.

Харин өндөр хөгжилтэй орнууд ингэдэггүй юм билээ. Тэд хувь хэсэгхэн тамирчинг эх орныхоо нэрийг дэлхийд гарга гэж торддоггүй. Бүх хүмүүсээ нийтээр нь баян чинээлэг амьдралтай болгохын төлөө зүтгэж, тэгж амьдруулж чадаж байна. Жишээ нь, Америкт л гэхэд манайх шиг спорт хариуцсан яам гэж байхгүй. Тэдний олимпод үзүүлэх амжилтыг олимпийн хороо нь л хариуцдаг. Гэхдээ Үндэсний олимпийн хороо нь улсаас нэг ч цент авдаггүй бөгөөд олимпийн наадмын зардлаа ивээн тэтгэгчид, телевизээр дамжуулах эрх зэргээс бүрдүүлдэг гэнэ. Тэд энэ зардлаасаа зөвхөн медаль авах өндөр боломжтой нөхдүүдэд бага зэргийг өгнө. Тамирчдын ихэнх нь өөрсдийнхөө зардлаар олимпийн наадамд бэлддэг сурагтай. Бэлтгэл хийх заал, багш дасгалжуулагч, эмч гээд бүгдийг нь өөрөө хариуцах жишээтэй. Сонирхуулахад, скелетоны (чарга) олимпийн аварга Кэти Уландер “Ral­lyMe” буюу “Надтай нэг баг болооч” сайтаар дамжуулан өөртөө туслахыг хүсч зургаан мянган ам. доллар цуглуулан аваргалж байжээ. Ийм л ерөнхий зарчимтай.

Дани, Швейцарь, Австри зэрэг манайх шиг 3-5 сая орчим хүн амтай өндөр хөгжилтэй орнуудын жишээ ч адилхан. Баян тарган энэ улсууд тамирчдадаа төсвөөс мөнгө тусгайлан гаргаж тэтгэж дэмждэггүй бөгөөд тийм байдлаар улсынхаа нэрийг олон улсад сурталчлах шаардлага ч байхгүй. Амар амгалан, баян сайхан амьдарч байгаа ард олноо улам л сайхан байлгах талаар бодож, төлөвлөж байдаг. Тийм ч болохоор дэлхийн хамгийн жаргалтай улс орноор байнга тодорч байдаг.

Монголчууд бид спортоор дамжуулж дэлхийд эх орныхоо нэрийг гаргана гэдэг дэмий ойлголт, буруу бодлогоо одоо болих цаг нь болжээ. Түүний оронд яаж энэ ард олноо бусдын дор оруулахгүй амьдруулах вэ, улс орноо хэрхэн улсын дайтай хөгжүүлэх вэ гэдэгтээ л илүү анхаармаар байна. Спортод одоо зарцуулж байгаа тэр их мөнгийг нийтийн биеийн тамирт зориулбал олон хүний эрүүл мэндэд нэмэр тус болно. Нийтээрээ урт наслах, эрүүл амьдрах дадал зуршилтай болж хэвшвэл нийгэм тэр чигээрээ л эрүүл саруул болно гэсэн үг. Түүнээс биш спортын нэг хэсэг хүмүүсийг төрөөс ингэж тэтгэж тэжээгээд байвал Монголын залуу үе энэ салбар руу л хошуурах болно. Хэн сурч боловсорч, хийж бүтээж, улс эх орноо хөгжүүлэх билээ. Бэлэн сайхан мөнгө аваад, магтаал сайшаалд умбаж хэвтэхийг хүсэх нь мэдээж шүү дээ.

Монгол мал аж ахуйн орон. Малынхаа ширээр дэлхийд гайхагдсан ганц брэнд түрийвч хийдэг болъё л доо тэгвэл. Зөвхөн тийм түрийвч авах гэж Монголд жуулчилдаг, дэлхийн хаана ч үнэ цэнэтэй ганц брэнд гаргая. Австрали хонины нэхийгээрээ UGG гээд дулаахан гутал хийгээд дэлхий даяар хичнээн үнэтэй зарж байна. Бид хонины нэхийгээрээ тийм гутал хийгээд заръя. Ингэж сэтгэж, ажиллаж, үйлдвэрлэж байж л бид хөгжинө. Дэлхийн энтэй авьяастан, дэлхийн бөх энэ тэрээ гээд хөөрцөглөдгөө одоо больё. Мянган сайн бөх байлаа гээд Монголд мөнгө орж ирэх үү. Мянган авьяастай дуучин байлаа гээд дэлхий тоох уу. Тамирчны гаргасан спортын амжилт тухайн хүнийхээ л амьдралд хэрэгтэй. Түүнээс биш нийт ард олонд нэг их хүртээлтэй юм биш. Яахав, медаль авлаа гэж Монголын маань нэрийг дуудаж, төрийн далбааг мандуулна. Тэглээ гээд жүдогийнхон шуудай медаль авчирсан ч бидний амьдрал сайжраад байдаггүй л биз дээ. Харин УИХ-ын гишүүн, тамирчин нэгээр нэмэгдэх нь нэмэгдэх байх.

Морио портерт ачаад наадам хэсээд давхиад байдаг харчууд байдаг даа. Очсон наадам болгондоо морь нь дажгүй сайн давхиж, мань хүн ч нулимсаа ханцуйгаараа шударчихаад, амьтан хүнтэй ах дүү болоод хүндлэгдээд явдаг. Харин ар гэрийнх нь ажил ундуй сундуй, хэдэн хүүхэд нь хөл нүцгэн, ядруухан. Хадлан тэжээл бэлтгэх, хашаа хороогоо янзлах ажил нь таг хоцорчихсон байдаг. Монгол Улс яг л ийм, хамаг ажлаа хаяад найрлаж наадамлаад явдаг цөлх эр шиг байх юм. Улаанбаатар утаан дундаасаа харагдахгүй, хүмүүс нь ядуу, компаниуд нь дампуурлаа зарлаад эхэлчихсэн. Ийм үед илүү дутуу нэр хичээж явдаг дэмий зангаа гээе. Монголын нэрийг дэлхийд гарга гэж хэдэн тамирчин, дуучинд даатгах биш, улсаа хөгжүүлж, ард түмнээ сайхан амьдруулахын төлөө л зүтгэх хэрэгтэй. Элдэв асуудлаа шийдчихсэн өндөр хөгжилтэй улсуудад бусдын өмнө хоёрын хооронд зүйлээр нэр хичээх ямар ч шаардлага байдаггүй.

Categories
их-уншсан туслах-ангилал

Цахим бороохой

Дөнгөж өчигдөрхөн дөө, арван жилийн сургуулийн бололтой нэг охины зургийг “Биеэ үнэлдэг сурагч охин ангийнхаа хөвгүүдэд ДОХ тараалаа” гэсэн тодотголтой цахим хуудсанд байрлуулчихсан байсан. Түүнийг өчнөөн хүүхэд үзээд, бие биендээ дамжуулаад, сургууль, анги даяараа доог тохуу хийгээ биз ээ. Хөөрхий охин ямар их шаналж, гутарч, ганцаардаж буйг бид төсөөлшгүй юм. Магадгүй, тэр амьд явах боломжгүй мэт санаж, амиа хорлох тухай бодож байгаа. Юун дэмий зүйл бичдэг юм гэж та бодуузай. Хэрэв таны хүүхэд арван жилийн сурагч бол хамгийн их анхаарал хандуулах сэдэв энэ болоод байна.

Ухаалаг гар утас, интернэт ердийн хэрэглээ болсон энэ цагт хүүхэд бүр өөрийн фэйсбүүк, инстаграм, твиттер, и-мэйл хаягтай болж, анги сургууль, найз нөхдөөрөө нэг групп үүсгэн мэдээлэл солилцох зэргээр харилцаа үүсгэдэг. Арван жилийн сурагчдын хувьд фэйсбүүкийг хамгийн түгээмэл ашигладаг. Сонирхолтой мэдээлэл оруулан өөрийн болон найз нөхдийнхөө гоё зургийг тавьж, гэрийн даалгавар хийхдээ нэгнээсээ асууж лавладаг байсан энэ цахим хуудас өдгөө сурагчдын бие биенээ гадуурхаж дээрэлхэх, мууг нь үзэх хамгийн өргөн талбар болжээ. Үүнээс үүдэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 20 гаруй хүүхэд амиа хорлосон байна. Өөрөөр хэлбэл, цахимаар муулуулж, доромжлуулж, гүтгүүлсэн хүүхдүүд амиа хорлохоос өөр сонголт байхгүй мэт сэтгэл санааны хүнд цохилтод ордог. Анзаарга сайтай эцэг эхчүүд бол хүүхдийнхээ зан аашийн өөрчлөлтийг анзаарч мэдээд, хүүхэдтэйгээ ярилцан, багш найз нөхөдтэй нь уулзан учир начрыг нь олдог, бүр болохгүй бол өөр сургуульд шилжүүлдэг. Анзаарч мэдэрч чадаагүй эцэг, эх нь хичээлдээ явсангүй, юундаа уурладаг болчихоов гэх зэргээр нэмж загнасаар байгаад тэднээсээ үүрд хагацаж байна.

Цахим сүлжээ дарамт зурган илэрцүүдХүүхдүүдийн дунд газар аваад байгаа цахим гадуурхал бол маш хурдан хугацаанд олон хүнд хүрч, өнгөц бодит бус мэдээлэл тараадаг, тэр хэрээрээ гадуурхагдаж байгаа хүүхдэд хүнд цохилт өгдөг. Америкийн Цахим гэмт хэргийн судалгааны хүрээлэнгийн хийсэн судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь цахим дээрэлхэл, дарамтыг байнга мэдэрдэг ба нийт судалгаанд оролцогсдын талаас илүү хувь нь ямар нэг хэлбэрийн цахим доромжлолыг хүртэж байсан гэжээ. Манайд ч гэсэн ийм судалгаа гарсан байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс 5000 сурагчийн дунд судалгаа хийхэд цахим гадуурхлаас үүдэн дөрвөн сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, долоон сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн гэж хариулжээ.

Өнгөрсөн дөрвөн жилд цахимаар гадуурхагдаж амиа хорлосон 20 гаруй хүүхдийн гунигтай түүхийн талаар Цагдаагийн газраас мэдээлсэн юм.

…Баянзүрх дүүргийн нэгэн сургууль дээр “Охин шиг царайтай банди манай сургуулиас зайл” гэсэн давалгааг фэйсбүүкээр өрнүүлжээ. Сургуулийн ихэнх хүүхэд тэр давалгааг дэмжиж, наймдугаар ангид сурдаг өнөөх хүүг найзаасаа хасч эхэлсэн байна. Сургууль даяараа түүнийг шоолж, найз нөхөдгүй болсон хүү нэг л өдөр энэ ертөнцөөс яваад өгчээ.

…Ангийн хоёр охин муудалцсаны дараа нэг нь нөгөөгөө чадах гэж ганцаардуулах хөдөлгөөн өрнүүлжээ. “Бусдын хайрыг булаагч охин. Бэлгийн замын халдварт өвчинтэй. Аборт хийлгэсэн” гэх зэргээр гүтгэн фэйсбүүк хуудастаа тавьжээ. Түүнийг нь хүүхэд бүр шэйрлэн бие биендээ дамжуулж, зарим нь найзаасаа хасч эхэлсэн байна. Үр дүнд нь охин гурван ч удаа амиа хорлох оролдлого хийсэн байна. Энэ бол Сонгинохайрхан дүүрэгт болсон явдал.

…Баянгол дүүргийн нэгэн сургууль дээр хэсэг хүүхэд “Тэнэгүүдийг дэлхийгээс зайлуулах хөдөлгөөн” өрнүүлж анги ангиас нэг хүүхэд сонгон доромжилж эхэлсэн байна. “Дэлхийгээс зайл”, “Манай сургуулиас яв”, “Тэнэгтэй найзалсан хүүхдийг мөн тэнэг болгоно” гэх зэргээр байнга доромжлон, бусад хүүхдүүд ч тэнэг болохгүйн тулд найзлахаа больжээ. Тэдний зарим нь амиа хорлох гэж оролдсон ч азаар, ар гэрийнхэндээ энэхүү доромжлол, дарамтын талаар хэлснээр энэ давалгааг зогсоож чаджээ. Гэхдээ гадуурхагдсан ихэнх хүүхэд өөр сургуульд шилжсэн гэнэ.

Цахим гадуурхал манайд ид хүчээ авч байгаа бол дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд ч мөн л асуудал болсоор байна. Гэхдээ тэд үүнээс урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авч, сургууль, эцэг эх, сурагчдын дунд сургалт, зөвлөгөөн хийж, шаардлагатай гэвэл сэтгэл зүйчтэй уулзуулдаг. Дэлхийд хамгийн их алдаршсан, хүн болгон шахуу мэддэг цахим гадуурхлуудын жишээ бий. Ийм хэрэг дахин бүү гараасай гэсэндээ тэдний тухай зураг хөрөгтэй нь цахим ертөнцөд байршуулсан юм.

…Америкийн Техас мужийн ахлах сургуулийн сурагч Дэвид Молакийг хэсэг залуус ямар ч шалтгаангүйгээр интернэтээр гутаан доромжилдог болжээ. Дэвид Молак дээрх үйлдлийг удаан тэвчсэн ч, тэсэлгүй өөрийн аминд хүрсэн юм. Дүүгээ өнгөрсний дараа ах нь “Орчин үед айлган сүрдүүлэгчид сайн хүмүүсийг сургуулийн арын хашаанд, хувцас солих өрөөнд дээрэлхэхээ больж, хуурамч цахим хаягаар нэр шүүж далдлан, хэдэн арван км-ийн цаанаас байж болох бүх муухай үгсээр айлган сүрдүүлж, зүрхийг нь үхүүлдэг болжээ” гэж цахим хуудаснаа харамсан бичиж үлдээжээ.

… Цэнхэр өнгөнд дуртай байсныхаа төлөө Балтимор хотын ахлах сургуулийн сурагч Грэйс Мс.Комас сургуулийн найз нарынхаа цахим гадуурхалд өртсөн юм. Асар хурдан хугацаанд сургууль байтугай хот даяараа түүний тухай тархжээ. Охины оршуулганд хүмүүс үс, хумсаа цэнхэр өнгөөр будан ирж гашуудсан байна.

…Их Британийн 14 настай Ханна Смит гэх охин биеийн жин, гэр бүлийнх нь тухай элдвээр бичсэн цахим ертөнц дэх олон хоногийн мэдээллийг тэсч чадахгүй амиа хорложээ.

Энэ мэт маш олон жишээ дурдаж болно. Учир нь ямар ч хүүхэд цахим гадуурхалд өртөх магадлалтай юм. Онц сурлагатан, муу сурдаг, царайлаг, царай муутай хэн ч цахим гадуурхлын золиос болж болно. Сурлага сайтай, царайлаг нэгэнд атаархаж цахимаар элдэв гүтгэлэг тарааж байхад бүрэг, ядруухан, хэт намхан, тарган, өндөр, хувцас муутай байгаагийнх нь төлөө бусад хүүхдүүдийг ч сургууль даяар дээрэлхэн ганцаардуулж байна.

Тэгвэл ямар хүүхэд бусдыгаа ингэж гадуурхаж дээрэлхдэг вэ гэж судалжээ. Хүүхдүүд үе тэнгийнхэндээ өөрөө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд, өөр нэгнээ доош татах, үе тэнгийнхнийхээ анхааралд өртөх, өөрийгөө хүчтэй гэж мэдрэх, хохирогч хүүхдэд атаархдаг мөн дургүй учраас, эсвэл зүгээр л бусдыг доромжилсноороо хөгжилтэй байж чаддаг гэсэн хариулт өгсөн байна.

Хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсон цахим орчин энхрий хонгор үрсэд маань хар сүүдрээ хэдийнэ тусгаж эхэлжээ. Цахим бороохойгоор нэвширтлээ нүдүүлсэн тэд маань арав хориороо орчлонгоос буцсаны дараа л бид нэг юм сэхээрч эхэлж байх шиг. Яг үнэндээ хүүхдүүддээ анхаарал тавьдаггүй, хэтэрхий зөнгөөр нь орхидгийн үр дүнд тэд маань цахим гадуурхлын золиос болж байна. Эцэг, эхчүүд томчууд бид амьдралдаа арчаатай, хариуцлагатай явахгүй бол үр хүүхдүүд маань бидний алдааны, арчаагүй байдлын төлөө бусдад адлагдах магадлал өндөр юм. Чингэлтэй дүүргийн нэгэн сургууль дээр өрнөсөн “Халтруудаас салъя” фэйсбүүк давалгаанд өртсөн 12 настай охин амиа хорлосон баримт байна. Аав, ээж нь архи ууж лааз түүдэг гэж охиныг адалсаар байгаад ийм байдалд хүргэжээ. Тиймээс таны согтуу яваа бичлэгийг цахим орчинд тавиад охиныг чинь сургууль даяараа чичилж байх вий. Уураа барьж чадалгүй хэн нэгэнтэй хэрэлдэж байгааг чинь баримтжуулаад хүүгээс чинь найз нөхөд нь нүүрээ буруулах вий гэдгээс ч бид сэрэмжилж байх ёстой болжээ.

Цахим гадуурхал бол нэгэн төрлийн шинэ гэмт хэрэг юм. Хүүхдүүд цахим орчинд маш харгис, ширүүн ааш араншинтай болж, бие биенээсээ өшөө авах хэрэгсэл болгож байна гэж цагдаагийн газраас хийсэн судалгаанд онцолжээ. Учир нь тэнд ямар нэгэн хяналт байдаггүй, нэр хаягаа нууцалж болдог учраас ингэж дураараа дургидаг.

Таны хүүхэд цахим дарамт, доромжлолд өртөж байгаа эсэх, эсвэл хэн нэгнийг цахимаар гадуурхах аянд нэгдсэн эсэхийг мэдэхийн тулд тэднийг гар утас болон интернэт сүлжээ ашиглаж байхад нь царай, нүүрний хувирлыг анзаарах, огцом сэтгэл хөдлөл, уур уцаар, гутралын шинж төрх гаргаж байгаа бол хүүхэдтэйгээ дотночлон эелдгээр ярилцах хэрэгтэй. Мөн багш, найз нөхөдтэй нь харилцаатай байх зэрэг зөвлөмжүүдийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан байна. Үүнээс гадна нэгээс наймдугаар ангийн хүүхдүүдийн фэйсбүүк хаягуудыг хаах, эсвэл багш эцэг эхчүүдийн хяналтад байлгах, цахимаар гадуурхах хэрэг үйлдсэн хүүхдүүдийн эцэг эхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ тооцох цаг болжээ. Нэгэнт ийм төрлийн гэмт хэрэг байдаг болчихсон, мөрддөг шалгадаг газартай ч болчихсон юм чинь хариуцлагын тогтолцоог нь сайжруулж, тохирох хууль журамд нь заагаад өгөх хэрэгтэй. Австралид л гэхэд цахим гадуурхал санаачилсан хүүхдийн эцэг эхийг хоёр жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэдэг болсон байна лээ.

Цахим гадуурхлын золиос болон амиа хорлосон хүүхдүүдийн гунигтай түүх дахин ийм хэрэг битгий гараасай гэсэн анхааруулга, сануулга болон үлджээ. Сөрөг муу мэдээллээр дүүрэн цэнэглэгдсэн цахим бороохойн өмнө хүүхэд гэдэг хэтэрхий уяхан, эмзэг турьхан билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ажилгүйдлийг багасгах, ажлын байр нэмэгдүүлэх гэдэг тэнгэр газар шиг ялгаатай

Image result for хүн нийгэмАжилгүй хүмүүс их олон байна аа. Нэг айлд багадаа хоёр, ихдээ гэр бүлээрээ ажилгүй хүмүүс гиюүрч сууна. Тэд ажилтай ганц нэг хүнийхээ цалингаар чадан ядан амьдарч байна. Хүүхдийн 20 мянган төгрөг амьдралд нь дэм болдог байсан ч зурагт, хөргөгчтэй гэдэг шалтгаанаар хасагдсан айл олон. Эдийн засаг хумигдан, компаниуд хаалгаа барихын хэрээр ажилгүйчүүдийн эгнээ тэлсээр.

Гадны сонгуулийг харж байхад ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг гол амлалт нь байдаг. Ажлын байрыг төдөн хувиар нэмнэ гээд тов тодорхой бичдэг. Дараа нь сонгогчид үүний биелэлтийг нь харж байж сонголтоо хийнэ. Үнэхээр ажлын байр нэмсэн бол дэмждэг, нэмэгдээгүй бол хариуцлага тооцдог эрүүл тогтолцоотой. Ингэж өрсөлддөг.

Харин манай намууд сонгуулиар ажлын байр огт амласангүй. Ажилгүйдлийг багасгана гэдэг ерөнхий том лоозон тавьчихаад сонгуульд ордог тэр хэвээрээ. Дөрвөн жилийн дараа сонгууль болоход “Бид амласнаараа ажилгүйдлийг багасгасан” гэж яриад сууж байдаг. Ажилгүйдэл огт буураагүй байхад ч бууруулсан гэдэг. Бид олон хүнийг ажилтай болгосон гэдэг. Энэ нь яах аргагүй үнэн. Харамсалтай нь ажилтай болсон хүний тоогоор ажилгүйчүүд нэмэгдэж байна. Нэг хүнийг ажилд авахын тулд хуучин ажиллаж байсан нэгнийг хөөгөөд явуулчихаар чанарын өөрчлөлт яаж гарах вэ. Угтаа бол одоо байгаа ажлын байрыг бууруулахгүй, бүр дээр нь нэмж байж л хүмүүсийг ажилтай, орлоготой болгох ёстой. Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хэдэн мянгаар нь хоморголон халж эхэлжээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө Сангийн яамны харьяа “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 105 ажилтан ажлаасаа халагдсан тухай хэвлэлийн хурал хийлээ. Яам, тамгын газрууд ч бүтцийн өөрчлөлт нэрээр нийт ажиллагсдынхаа 50 хувийг халж байгаа сураг байна. Ажлаас халагдсан хүний тоо одоогоор 2000 хүрсэн гэх аман мэдээлэл бий. Зарим нь өдийд халагдаад гэртээ нулимстай сууж байгаа бол заримыг нь орон нутгийн сонгуулийн дараа халах тухай сураг дуулдаж байгаа юм. Нэгийг ажилд авахын тулд нөгөөг халдаг энэ үзэгдэл хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхөж байгаатай утга нэг юм.

Статистик мэдээллийг харахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо Монголд 50 орчим мянга байдаг бөгөөд бүртгүүлээгүй ийм тооны ажилгүйчүүд байдаг аж. Гурван сая хүн амтай улсад 100 мянган ажилгүй иргэн байна гэдэг том тоо. Ийм том хүчийг хөдөлмөрийн зах зээлд гаргавал тэд л баялгийг бий болгоно.

Төрийн хийх үүрэг бол хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд л анхаарах ёстой. Элдэв татвар хураамж, авлига, хүнд суртал, авлигад баяртай гэж хэлж чадвал хувийн хэвшлийнхэн төрийн хичнээн жил амласан ажилгүйдлийг дор нь багасгана. Тэд л ажлын байр бий болгож, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, эдийн засгийг эргэлтэд оруулж, тэлж байдаг.

Ажлын байр нэмэгдүүлж байж л амьдрал сайжирна. Ажилтай хүмүүст архи уух зав гарахгүй. Ажил хийж байж л айл гэрт орлого орно. Тогтсон ажил, тогтвортой боломжийн сайн цалинтай хүмүүсийн хандлага нь зөв байдаг бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарласан байдаг. Ядаж л тэд сигнал чарлуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй. Яагаад гэхээр ажилтай хүмүүст стресс бухимдал харьцангуй бага байдаг юм. Хүн болгон ажилтай, орлоготой болчихвол хэн нь дарга сайд болно, хэн нь сонгуульд ялна амьдралд нь онцын өөрчлөлт гардаггүй, янзаараа л хөвөрч байдаг. Харин манайд нам дагасан нь ажилтай орлоготой байдаг буруу жишиг тогтсоноос сонгууль, түүний дараахь томилгоо зэрэг нь дараагийн сонгууль хүртэлх дуулиан шуугиан болсоор байна.

Орчин цагт улс төрийн намыг сонгохдоо үзэл бодлоороо санал өгдөг нь хэт өрөөсгөл болчихжээ. Танай, манай нам гэдэг талцсан үзлээсээ ч татгалзмаар санагддаг юм. Нэг нам нь Монголыг мандуулах гээд, нөгөө нам нь хорлох гээд байдаг юм биш. Аль ч нам нь адилхан улс орноо хөгжүүлэх нэг зорилготой гэдэгт би итгэдэг. Харин яаж хөгжүүлэх вэ гэдгийг нь харж байж л сонголтоо хийдэг болъё. Тухайлбал, аль нам нь ажлын байрыг яаж нэмэх юм, дөрвөн жилийн дотор хичнээн ажлын байр шинээр бий болгох юм гэдгээр нь л сонгож байя. Ажлын байр нэмж чадсан бол дахиж сонгоно. Нэмж чадаагүй бол хариуцлагаа үүрээд зайгаа тавьж өгдөг тийм л сонголт хийж байя. Ажилтай бол айл гэр орлоготой, бүрэн бүтэн, сэтгэл хангалуун амьдарна. Улс орны хувьд эдийн засаг сайжирч, хөгжлийн үүд нээгдэнэ.

Түүнээс биш ажилгүйдлийг багасгана гэдэг хэт ерөнхий амлалтад хичнээн жил хууртах билээ.

Д.ОЮУНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Чин сэтгэл

Чин сэтгэлээсээ ажиллах. Чин
сэтгэлээсээ хайрлах. Чин сэтгэлээсээ туслах. Чин сэтгэлээсээ баярлах. Чин
сэтгэлээсээ гэдэг үг их энгийн юм шиг хэрнээ гайхалтай эрч хүчтэй, бүхнийг
өөрчлөх шидтэй. Ажилдаа сэтгэл зүрхээ зориулбал чи амжилтад хүрнэ. Хоёргүй үнэн сэтгэлийн хайр чамайг аз жаргалтай болгоно. Бусдад
үнэн сэтгэлээсээ тусалбал хариу тус заавал ирдэг. Чин сэтгэлээсээ баярлаж,
хөөрч байгаа хүн бусдад сайхан дулаан мэдрэмж, эрч хүч нэмж
байдаг. Энэ мэт чин сэтгэлээсээ хийсэн бүхний ард заавал аз жаргал, амжилт,
баяр хөөр дагалдаж байдаг билээ. Сэтгэл зүрх хүн бүрт байдаг. Харин бид хийж
байгаа бүхэндээ, эргэн тойрны хүмүүстээ чин сэтгэлээ зориулж чаддаггүйгээс аз жаргал,
амжилтыг хайсаар л байдаг. “Хүнийг сэнсэртэл нь худлаа ярьж, хуурч, залилж
болно. Худлаа ярина гэдэг нэг удаа бусдыг чадаж байгаа мэт боловч насан туршдаа
өөрийнхөө нэр төрийг гутаах ажлыг хийсэн гэсэн үг. Харин чин сэтгэлээсээ л бүх
зүйлд хандах юм бол амьдрал чинь аяндаа сайхан болно” гэж нэг танил маань
зөвлөдөг юм. Чин сэтгэлийн энэ зөвлөгөөг
уншигч танд ч гэсэн дамжууллаа. Яг одоо хэн нэгэнтэй уулзах гэж байгаа бол үнэн
сэтгэлээсээ хандаарай. Хийх ажилдаа чин сэтгэлээ зориулаарай.



Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ахмадуудаа адалсан ард түмэн өөдөлдөггүй

Гурван жилийн өмнө манай сонин “Хөгшдөө хөгшин нохой шиг хаядгаа больё” хэмээн гол нийтлэлээ болгон бичиж байлаа. Яг л энэ өдрүүдэд, ахмадын баярын үеэр хөгшдийн тухай нийгэмд асуудал болгон түгээж байжээ. Монголд тэтгэвэрт гарсан л бол хүний тооноос хасагдах шахуу болдог тухай элэг эмтрэм жишээнүүдийг иш татан өгүүлж байв.

Өдгөө энэ өдрүүдэд Олон улсын ахмадын баяр болж байна. Гоё хувцсаа өмсөж, одон тэмдэг зүүсэн хөгшчүүд бөөн бөөнөөрөө жигтэйхэн баяртай явцгааж байна. Хамт олон нь тэднийг хүндэтгэн хүлээн авч, гарын бэлэг өгсөн бололтой жижигхэн зүйл барьцгаажээ. Жилдээ ганц ингэж хүндлүүлж, бөөнөөрөө уулздаг болохоор тэдний баярлах нь аргагүй юм. Бусад үед хөгшчүүд маань бөмбийсөн жижигхэн гэртээ ганцаардан хүүхдүүдээ хүлээн хөлийн чимээ чагнан суудаг юм. Эсвэл ач, зээ нараа харан өндийх ч завгүй өдөржин асрагчийн цаг наргүй ажил хийнэ. Зарим нь гудамжинд бохь, чихэр ширхэглэн зарж амьжиргаандаа нэмэрлэнэ. Хөдөө бол хүйтэн гэрт хоол ундгүй өнжих энүүхэнд. Арай тэнхлүүн нэг нь өдөржин хонь мал хариулна. Хүүхдүүд нь “аав, ээждээ хайртай”, “миний ээж хөөрхөн” гэж нялуурах ч ачилж тэтгэж байгаа нь тун цөөн. Голдуу л тэтгэврийн зээл авахуулан өөрсдийнхөө түмэн хэрэгцээг нөхнө. Залуудаа өмсөж байсан хээ нь арилж, өнгө нь гандсан цэмбэн пальто, ээтийж хуучирсан шаахайгаа өвөө нар өдөр тутамдаа өмсдөг. Дулаахан юм гээд пөөнөгөр пээлник эмээ нарт оногдоно. Хамгийн хямд, өнгө донж маруухан эд. Хөдөө бол сэмэрч гандсан дээл л байхад хувцасны хэрэгцээгээ хангачихна.

Энэ бол Монголын хөгшчүүдийн нийтлэг төрх. Тэтгэврээ үр хүүхдэдээ зориулдаг тэдэнд олигтой хувцас авах мөнгө байхгүй учраас хичнээн жил өмссөн хэдэн хувцсаа хаялгүй өмсөнө. Өөрсдөө ч, хүүхдүүд нь ч, ер нь хүн болгон хөгшин хүн гоёод яах юм гэсэн тогтсон ойлголт байдаг болохоор ийм байх ёстой мэт л байдаг. Хэн ч эмзэглэдэггүй, хэн ч анзаардаггүй. Ийм болохоор ахмадын баяраар нэг цуглахдаа тэд жигтэйхэн дуртай. Гарын бэлэг болгон өгсөн хямдхан аягаа төрийн одон авсан дайтай үзэж, бөөн баяр хөөр болно. Харахад элэг эмтэрмээр санагддаг юм. Магадгүй би гэсэн нэг өдөр, ийм аяга аваад баярлаж зогсох биз гэж бодохоор гунигтай, харуусалтай. Хөгширнө гэдэг амьдралын жам ч хөгширсөн хойноо хэнд ч тоогдохгүй амьдарна гэдэг аймшигтай юм.

Өнөөдөр манайд 310 мянган ахмад настай хүн байдаг. Тэтгэврээ тогтоолгосон хүмүүс гэсэн үг. Тэдэнд зориулсан ганцхан хууль байдаг нь Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль. Энэ хууль бас дотроо зөрчилдөөнтэй. Залуудаа ямар ажил хийж байснаар нь хөгшчүүдийг ялгаварладаг гэж шүүмжлэл дагуулдаг. Монголын ахмадын чөлөөт холбоо өнөө жил “Насаар ялгаварлахын эсрэг зогсоцгооё” гэсэн уриатай тэмдэглэхээр болсон тухайгаа мэдээлсэн байна лээ. Тэднийг маань хүмүүс сонсоосой. Ядаж ахмадаа хүндэлдэг болохсон. Тэднийгээ асарч тойлдог, сэтгэл амар амьдардаг болгоход тийм их хэцүү юм биш шүү дээ.

Барууны хөгжилтэй орнууд ахмадуудаа бөмбийтөл нь халамжилдаг. Тэдэнд зориулсан эмнэлэг, сувилал, өдөр өнжүүлэх, асрамжийн газрууд олноороо бий. Тэнд хөгшчүүд өдөржин хууч хөөрч, тоглож, зааж сургаж, асарч сувилуулж уйдах завгүй өнжинө. Үр хүүхэдгүй хөгшид бол тухайн асрамжийн газарт хувийн байр, хаусаа гэрээслэн үлдээдэг. Харин амьд ахуйд нь хөгшнийг сайн асрах үүрэгтэй. Асрамжийн газрынхан энэ ажлаа халтуурдахгүй, нөгөө ертөнцөд очтол нь хамгийн сайнаараа асарч сувилна. Хүүхдүүд нь ажил албатай бол өтөл настай аав, ээжээ өдөр өнжүүлэхэд өглөө өгөөд орой авна. Эсвэл долоо хоногийн сувилалд өгөөд амралтын өдрөөр гэрт нь авчирч хамт байцгаадаг. Харах, хандах хүнгүй ганцааранг нь орхидоггүй. Иймэрхүү ахмад настнуудаа харсан хууль эрхзүйн хамгаалалт их. Ер нь хүнийг хөгширлөө гэж хаядаггүй, улам л бөөцийлж хаацайлсаар байгаад ертөнцөөс үддэг. Ийм жишиг Монголдоо тогтоомоор байна. Хувийн хэвшлийнхэн зөвхөн ахмадуудад зориулсан амралт, сувилал, өдөр өнжүүлэх, асрамжийн газруудыг хэд хэдээр нь байгуулбал үйлчлүүлэх хүн лав олдоно. Төрөөс үйлчилгээ энэ тэрд нь бага зэрэг дэмжлэг үзүүлээд эхэлбэл аяндаа аав ээж, эмээ өвөөгөө хөтлөөд очих хүмүүс олширно. Алийн болгон хөгшдөө хөгшин нохой мэт орхих билээ дээ.

Монголчууд нүүдэлд тээр нэрмээс болдог гээд наян таваас дээш насалсан хөгшдийнхөө ам руу нь том уураг сүүл хийлгээд, араас нь шаант чөмөгний шагайтай үзүүрээр түлхүүлэн “бурхан болгодог” байсан тухай харгис домог бий. Домог болон яригддаг тийм цаг үе өнгөрсөн ч хөгшчүүддээ хөндий хүйтэн ханддаг хандлага нь хэвээрээ. Борнуурын Ахмадын асрамжийн газарт очихоор сэтгэл эмтрээд, хэдэн өдөр санаанаас гардаггүй гэж хүмүүс ярьдаг. Учир нь тэнд хүүхдүүд нь эцэг, эхээ аваачаад хаячихдаг юм. Эргэж очих, ач зээтэй нь уулзуулах тухай ойлголт байхгүй. Очсон хүн бүрээс хүүхдүүдээ сураглах тэр хөгшид залуудаа бидэн шиг л ажил хөдөлмөр эрхэлж, хань ижилтэйгээ үр хүүхдүүдээ өсгөн дуулж, шуугьж явсан байж таараа.

300 гаруй мянган хүн гэдэг бол маш хүчирхэг арми. Тэдний ажлын туршлага, үзсэн харсан дуулсан амьдралын хар ухааныг ашиглавал Монголын нийгэмд асар их хэрэг болно. Зөвхөн тэтгэвэртээ гарсан багш нар л гэхэд 32 000 хүрчээ. Ийм багш нарын чадварыг ашиглах юм бол хүүхдүүдийн сурлага сайжраад ирэх нь лавтай. Ийм бодлого, зохицуулалт хийж, хууль санаачилж одоогийн байгаа байдлыг өөрчилмөөр байна.

Өнөөдрийн ахмадын асуудал бол маргаашийн таны, бидний асуудал юм. Ирээдүй рүүгээ гар буугаар буудвал эргүүлээд тань руу их буугаар буудна гэдэг үгийг хэн хүнгүй мэддэг байх. Тэгвэл ахмадуудаа адалсан ард түмэн өөдөлдөггүй. Эцэг, эхийгээ өргөж асраагүй бол үр хүүхэд нь сайн явдаггүй гэдэг эртний үгтэй ард түмэнсэн бид.

Д.Оюунтуяа

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар бүр өгдөг өндөр цалин тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлж эхэлжээ

Муугаа мэдэхгүй хэтэрхий их юманд найдаа юу даа, бид. “Риогийн олимпод бүтэн багаараа явлаа, хамгийн багадаа найман медальтай ирнэ. Монголын тамирчдыг алт, мөнгөн медаль авна гэж дэлхий даяар шуугиж байна. Монгол-бөхийн орон. Монгол бөхчүүдээс өрсөлдөгчид нь жийрхэж байна. Боксынхон бол нүдэж байгаад хэд хэдэн медаль авна”. Ийм сүржин мэдээлэл, тархи угаалтад үнэн голоосоо итгэчихээд тамирчдаа олимпоос медаль авсангүй хэмээн нийтээрээ зүхэж сууцгаана. Яг үнэндээ манай тамирчдын байгаа байдал, үнэн төрх нь энэ юм. Харин ч хоёр медаль авсан нь их юм болж. Риогийн олимп манай тамирчдын бодит байдлыг нь илчилж орхилоо.

Монгол Улс маань ядруухан эдийн засагтай. Одоо байдал бүр ч дор байна. Эсгий таавчиг, гутал, хувцаснаас илүү гарахаар томхон үйлдвэрлэл бидэнд байхгүй. Эрдэнэт, Оюу толгой зэрэг том төслүүдийн хувьд зэсийн хүдэр гаргадаг. Зэсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Цементийн хоёр, гурван том үйлдвэр баригдсан ч гадаад зах зээлд гарцаа олоогүй байгаа. Махаа экспортолж хэдэн төгрөг олох боломжтой ч хичнээн жил яриа төдий л байна. Хятад, Орос гээд хоёр том хөрш элдэв шалтаг хэлж голоод мах авахгүй гэх. Муу, муухай дээрээ улцан гэдэг шиг өдгөө малын түүхий эд үнэгүйдэж, жалга гуугаар нэг өмхийрсөн арьс, нэхий дүүрэн байна. Ийм эдийн засагтай орон харин тамирчдаа дэлхийд байхгүйгээр эрхлүүлдэг. Тухайлбал, олимпоос алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаа 120 сая төгрөг, насан туршид нь сар бүр дөрвөн сая төгрөг өгдөг. Мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаа 60 сая төгрөг, насан туршид нь сар бүр гурван сая төгрөг, хүрэл медаль хүртсэн тамирчинд нэг удаа 30 сая төгрөг, насан туршид нь сар бүр хоёр сая төгрөгийн урамшууллыг тус тус олгодог. Дэлхийн аваргаас медаль авбал мөн л дээрхээс нэг их дутахааргүй нэг удаагийн урамшуулал, сар бүр өндөр цалин олгоно. Монгол Улсын нэрийг дэлхийд ганц гялайлгах нь энэ хэдэн тамирчин гэж үнэлээд төр ийм шийдвэр гаргажээ. 2012 оноос хойш сар бүр дээрх урамшуулалт цалинг олгож байгаа юм.

Тамирдчынхаа алдар гавьяаг бодитоор үнэлэх, эдийн засгийн байдлыг нь шийдэх, тив, дэлхийд улсынхаа нэрийг дуурсгах алдартай тамирчдыг олноор төрүүлэх гээд олон хөшүүрэг, тайлбар энэ мөнгийг дагалддаг. Тэгвэл энэ их мөнгө, өндөр цалин үр дүнгээ өгсөн үү. Үнэхээр манай тамирчид дэлхийд өнгөлж байна уу? Үгүй юм гэдгийг өнгөрсөн хэдэн өдрийн бөхийн барилдаан, буудлага, боксын тэмцээнээс бид нойроо хугаслан байж, урамгүйхэн харлаа. “Одоо л арчаад өгөх байх даа” гээд горьдонгуй харж суутал хаа байсан Африкийн тамирчинд хүртэл ялагдчих юм. Өрсөлдөгчөө тулж зогсчихоод олигтой мэх хийхгүй. Харин нөгөөдүүл нь хурд, хүч, мэхний гайхамшгийг үзүүлж өгөх юм. Зарим нь барилдааны эхэнд овоо хэдэн оноо авч, ялах магадлалтай болж яваад эцсийн хэдхэн секундэд алдаа гаргаж цэвэр тавиулчихаж байна. Нэг муухан мэх хийгээд өнөөхөөсөө болж хожигдох юм. Сүүлдээ бүр тамирчдынхаа барилдааныг харахаас халширдаг болсон. Чөлөөтийн барилдааныг харж байхад өрсөлдөгч нь хөлд нь сууж ард гараад түвэггүй хоёр оноо авчих юм. Яг энэ мэхээ дахин давтан гурав, дөрвөн удаа амжилттай хийчих жишээтэй. Хөлөө хамгаалж чаддаггүй тамирчин, хамгаалах аргыг нь хэлж мэддэггүй дасгалжуулагч хоёртоо дэмий бухимдаж суулаа. Мэхний олон хувилбар, нэгээс нөгөөд шилжих хурд, үргэлжлэл, тэсрэлт, тэмцэл манай тамирчдаас сая л лав гарсангүй. Бүгд харлаа.

Тамирчдад сар бүр төрөөс өгдөг их цалин пүнлүү эерэг гэхээсээ илүү олон сөрөг үр дагаврыг дагуулжээ. Ийм өндөр цалин мөнгөний хангамжтай болсон тулааны болон хүчний спортын элит давхарга өдгөө бий болсон байна. Элит давхаргад гаднаас хүн орж чаддаггүй. Тэд өөрсдөө, ах дүү, үр хүүхэд, нутаг усны танил тал, эсвэл өөрсдөдөө мөнгө өгдөг хүмүүсээ энэ давхаргадаа оруулдаг. Багаас нь бэлтгэж байгаад сургуулийн аваргаас нь эхэлж түрүүлүүлнэ. Дараа нь олон улсын нэг тэмцээнд явуулна. Бэлтгэж, бэлтгэж явуулж байгаа хойно нэг медаль аваад ирэх нь ойлгомжтой. Үүний дараа жинхэнэ од болгох ажил эхэлнэ. “Хосгүй авьяастай хүүхэд тодорлоо. Энэ л олимпоос юм дуулгана. Монголын нэрийг дэлхийд гаргах шинэ залуу” гээд өдөр шөнөгүй пиар хийнэ. Тухайн хүүхэд үнэхээр авьяастай байна уу, үгүй юу падлий байхгүй. Өөрсдийнхөө давхаргад тэд ингэж бүл нэмдэг. Үүний ард цэвэр өрсөлдөөн алга болж, жинхэнэ авьяастнууд, уйгагүй зүтгэлтнүүд хаалганы гадна үлддэг. Ийм байдал үргэлжилсээр өнөөдөр үр дүн нь гарч байна.

Монголын тамирчид сэтгэлзүйн бэлтгэлгүй байна гэж олон хүн шүүмжилж байна лээ. Аргагүй шүү дээ, сар бүр авах мөнгө, баахан амлалт толгойд нь эргэлдээд хөдөлж чадахаа байчихаж байгаа. Оноо алдах юм бол хожигдоно гэж айгаад хөдөлж чадахгүй зогсож байгаад л эцсийн мөчид ялагдлаа хүлээх юм даа. Сар бүрийн өндөр цалинд хүрсэн тамирчин бол ялах хүсэл тэмүүлэл бүр алга. Сарын долоон сая төгрөгийн цалин авдаг хүн юу гэж биеэ зовоож хүчийг үзэх вэ. Аягүй бол бэртэж гэмтэж мэднэ. Ийм сэтгэхүйтэй тамирчид яаж амжилт гаргах вэ.

“Бэртэлтэй байсан юм, хөөрхий”, “шүүгчид булхайтай шүүлээ” гэдэг тайлбараар хэдий болтол аргацаах вэ. Тамирчин хүн сүүлийн минут байтугай секундыг яаж ашигладгийг дэлхийн өндөр зэрэглэлийн бөхчүүд энэ олимпод харууллаа. Манайхан илүү оноотой мөртлөө сүүлийн хэдэн секундэд хамгаалж үлдэхийн оронд баярлан зугтааж, эсвэл сүрхий мэх хийх гээд хариу мэхэнд орж ялагдахыг нь харлаа. Өөрийгөө медаль авчихлаа хэмээн хэтэрхий эрт баярлан, тэмцээн дуусаагүй байхад гараа даллан гүйж байгаад торгуулчихаж байна. Нүдэнд нь их мөнгө харагдаад сэтгэлээ барьж дийлээгүй байх. Сэтгэл хөдлөлөө хэрхэн барьж сурсныг дэлхийд хосгүй өндөр амжилт үзүүлж буй япон тамирчид үлгэрлэж байна. Олимпийн алтан медальт, дэлхийн хошой аварга Японы шилдэг жүдоч Шоохэй Оно сэтгүүлчийн “Та ялсныхаа дараа яагаад баярладаггүй юм бэ” гэсэн асуултад “Надад хэчнээн баярламаар байсан ч өрсөлдөгчид маань ямар хэцүү байгааг хүндлэх хэрэгтэй. Надад ялагдсан хүн сэтгэл дундуур, харамсан зогсож байхад би яаж баярлаж чадах билээ” хэмээн хариулсан байдаг.

Амжилт гаргасан тамирчдад төрөөс сар бүр өндөр цалин өгдгөө одоо больё. Амжилт гаргавал тухай тухайн цагт нь ахиухан нэг удаагийн урамшуулал өгсөн шиг өгдөг болбол хавьгүй эрүүл, зөв шийдвэр болно. Байнгын урамшуулал, зүгээр өгдөг мөнгө хүнийг мал болгодог. Зүв зүгээр сууж байгаад цалин авдаг хүн ажил хийдэггүйтэй адилхан юм шүү.

Орчин цагт спортын амжилт гаргана гэдэг нэгдмэл сайн менежмэнт, шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилт, судалгаа шинжилгээний үр дүн байдаг. Үүн дээр шударга өрсөлдөөн, тухайн тамирчны уйгагүй хичээл зүтгэл, авьяас чадвар, хурд хүч нэмэгддэг гэдэг. Энэ бүхэн алдагдаж, налгар задгай, дүр эсгэж олон жил амьдарсныхаа үр дүнг бид амслаа. Дүр эсгэнэ гэдэг зөвхөн тамирчдад хамаатай бус монголчууд бүгдээрээ хэлбэр хөөж амьдардгийн тод жишээ энэ юм.

Одоо спортын холбоодын удирдлагууд, багш дасгалжуулагч нар нь өөрчлөгдөж солигдох биз ээ. Дүрэм журмандаа өөрчлөлт оруулж сонгон шалгаруулалтаар шилдэг менежер, дасгалжуулагчийг гаргаж ирдэг болъё. Үндэсний шигшээ багийн тамирчдын цусыг сэлбэж, шинэ бодлого, шинэ боловсон хүчнээр салхи оруулахгүй бол Японы олимпод ч бид хэн нэгэн шүүгчид гомдож, бэртэлтэй тамирчнаа өрөвдсөөр медальгүй сууж байх нь байна шүү.

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төгрөгийн урамшуулал авдгийг сонирхуулъя.

Зодог тайлсан тамирчид:

1.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт

З.Ойдов-7.5 сая

2.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Х.Баянмөнх-7.0 сая

3.Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт П.Сэрдбамба-5.5 сая

4.Олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Бадар-Ууган-5.0 сая

5.Олимпийн хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар-4.5 сая

6.Олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Ж.Мөнхбат-3.5 сая

7.Олимпийн мөнгөн медальт Ц.Дамдин-3.0 сая

8.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сэрээтэр-2.5 сая

9.Олимпийн хүрэл медальт Ч.Дамдиншарав, Р.Даваадалай, Н.Энхбат,

Н.Баярсайхан, Д.Нармандах нар тус бүр 2.0 сая

Зодоглож буй тамирчид:

1.Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр-7.0 сая

2.Олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг-6.0 сая

3.Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт-4.5 сая

4.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ-4.0 сая

5.Олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа-3.0 сая

6.Олимп, ДАШТ-ий хүрэл медальт С.Ням-Очир-2.5 сая

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн болох агуу хүслийн эхлэл нь арваа онц төгсөх юм

“Дэ Факто” нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан лекц унших эсвэл ярилцлага хийхдээ мэдлэг боловсролыг ихэд чухалчлан үздэг тухайгаа байнга ярих юм билээ. Тухайлбал, дээд боловсролгүй, ядаж нэг гадаад хэлгүй хүн яаж улс орныг удирдах юм гэж шүүмжилдэг. УИХ-ын зарим гишүүд, нэр дэвшигчдийг харж байхад энэ үг туйлын үнэн санагдах юм. Тэдний биеэ авч яваа байдал, ёс суртахууны алдаа, зан харилцаа зэрэг нь зайлшгүй ийм шалгуур үзүүлэлтийг шаардах боллоо. Манай сонин ч энэ сэдвийг байнга хөнддөг. Аравдугаар ангиа онц дүүргэсэн, өдрөөр аль нэг их, дээд сургууль төсгөж байж Их хуралд өрсөлдөх ёстой гэж бид бичиж байлаа.

Өдгөө УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль ид үргэлжилж байна. Энэ сонгуульд нэр дэвших хамгийн анхны шат дамжлага нь конкурс буюу Элсэлтийн шалгалт гэж үзэж болох юм. Арваа онц төгссөн, гадаад дотоодын их, дээд сургууль дүүргэсэн хэлтэй, устай хүмүүс манайд хэдэн зуугаараа байгаа. Ийм хүмүүс тэгтэл ховордсон юм биш. Ийм хүмүүс л УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж, цаашид Монголын төрд ажиллаж, улс орныг авч явах ёстой. Нэр дэвшигчдэд тавих анхны шаардлага бол энэ юм. Дараа нь амьдралын туршлага, ажлын амжилт зэргийг нь харгалзан үзнэ биз.

Яагаад ингэж бичих болов гэхээр арван жилийн боловсролгүй, их дээд сургууль төгсөөгүй, ядаж гадаад хэлгүй, ёсзүйгүй гажгуудаар тоглуулсаар байгаад Монголын төр мөхлийн байдалд орох гэж байна. Сүүлийн 20 жил ийм гажгууд Монголын төрөөр тоглож, хорлож дууслаа. Их бага гэлтгүй төрийн бүх л шатанд ийм хүмүүс тухлан суужээ. Тэд өдий наслахдаа нэг ном бүтэн уншиж үзээгүй, бусдын яриаг тухтай суугаад сонсчих чадвар суугаагүй, алаан хядаан гэмт хэрэгтэй кино үзэж, түүгээрээ амьдардаг. Олны нүдэн дээр гарахдаа уран гоё мөрөөдөл ярин жүжиглэнэ. Ингэж хуураад яваад байж болно гэж боддог нь хамгийн харамсалтай. Цаашид ийм хүмүүсээр Монголын төрийг удирдуулахад хэцүү байна.

Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн хэн ч УИХ-д нэр дэвших эрхтэй боловч биднийг удирдахад арай дөнгүүр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс хэрэгтэй. Ийм шалгуур үзүүлэлт байхгүйгээс өнөөдөр Монгол төр дампуурч байна. Сайн муугийн жишээ өчнөөнийг хэлж болно. Гэхдээ сонгуулийн халуун өдрүүд үргэлжилж байгаа энэ үед хэн нэгний нэрийг дурдаад яахав.

Гэсэн ч бидний нүдэн дээр өдөр бүр л ичгүүргүй үйл явдал өрнөж байна шүү дээ. Хүний эрх зөрчлөө, эргүү балай санал гаргалаа гэж нялцганах хэрэггүй. Тэгвэл онц сурах чинь яасан юм, дээд боловсрол эзэмшиж хэл сурахгүй юугаа хийж явсан юм гэсэн бэлэн хариулт байж болно. Монгол Улсын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорын албан тушаалд хэн ч томилогдож болно. Эрх нь нээлттэй. Гэхдээ энэ мэргэжлээр олон жил ажилласан дадлага туршлагатай, насны хувьд тогтсон хүмүүсийг томилдог журамтай. Хүний эрхийг дээдэлж байна гээд мэргэжил мэдлэггүй захын нэг хүнийг прокурор болгочихвол юу болох билээ. Үүн шиг Монгол төрийн жолоог атгах хүмүүст тавих шалгуур, журамтай болъё!

Байгаль дээр хамгийн шилдэг, шилмэл нь амьд үлддэг хууль үйлчилдэг. Амьд үлдэгсдээс онцгой гойд нь сүргээ удирддаг жамтай. Орчин үед хүний нийгэмд ийм шалгуур байхгүй болсон. Тиймээс төр барилцахаар горилж буй нэр дэвшигчдэд тов тодорхой дээрх шалгууруудыг тавьдаг болъё.

Төрөөс бусад салбарт бол хамаа алга. Бизнес, урлаг, спортынхон бол хар чадлаараа зүтгэж, байгалийнхаа өгөгдөхүүнээр амжилтад хүрдэг хүмүүс. Харин төрийг барилцаж, улс орныг залж явах хүмүүст ийм байдлаар хандаж болохгүй. Системтэй боловсрол эзэмшсэн, ёс суртахуунтай, үзэл бодол нь төлөвшсөн, бусдын төлөө зүтгэх сэтгэлтэй хүмүүсийг л шигшиж шилж сонгомоор байх юм. Өрөөлийг харах байтугай өөрийгөө авч явах чадваргүй мухар сүсэгтэй хүмүүс нэр дэвшиж байна. Зөвхөн өөрөө алдар нэр олж, баяжихын төлөө төрд гарахаар зүтгэж байгаа бүлэг хүмүүс ч бий. Элдэв гэмт хэрэг увайгүй үйлдлээ хаацайлах гэж төрийн нөмөрт хоргодогсод ч байгаа. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг үгтэй. Энэ мэт боловсрол мэдлэггүй, хамгийн гол нь хүний мөн чанараа гээсэн хүмүүсийг орогнуулдаг газар Монголын төр бүү байг.

Дахин хэлэхэд УИХ-д нэр дэвших эрх авах хамгийн анхны гишгүүр бол аравдугаар ангиа онц төгсөх гэж журамлая. Эцэг эхчүүд хүүхдээ эрдэм боловсролд шимтүүлж, багаас нь бэлтгэе. Монголын төр цэвэр тунгалаг байх үндэс эндээс эхэлнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын ямаан омог хэрээс хэтэрлээ

Манайхан “Над руу муухай харлаа, чи хэн бэ” гээд гудамжинд явж байгаа гэмгүй нэгнийг зодчихдог. Хэн хэндээ зам тавьж өгөхгүй гүрийснээс машин нь шүргэлцэж, жолооч нар нь дээр дороо орон зодолдож байгаа дүр зургийг бид өдөр болгон хардаг. “Хурдан яваарай” хэмээн сигналдсаны төлөө албаар өмнүүр нь удаан алхаж, зарим нь бүр зам дээр хэвтээд өгөх нь холгүй гэдийдэг. Ямар асуудал гараад яарч яваа билээ гэж бодохоосоо өмнө “намайг хурдан яв гэдэг хэн бэ” гэж уурладаг. Машиныг нь санаандгүй шахаад ойрхон зөрвөл хар хурдаараа давхиж ирээд өмнө нь тооромсолно. Гэртээ бол зурагтаар гарсан болгоныг зүхэж суудаг. “Энэ ч шулаач, тэр ч хулгайч. Улсын мөнгө идэгчид, бид л эднийг баяжуулж байгаа” гээд өөрөө гэртээ ажилгүй хэвтэж, ажилтай нэгнийг муулна. Хэдхэн хоногийн өмнө “Унтаж байхад цохиж сэрээлээ” хэмээн нэгнийгээ хутгалан амийг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг гарчээ.

Энэ бүхэн монголчуудын ямаан омог хэрээс хэтэрч, одоо бүр хутга барьж бостлоо гаарсныг харуулж байна. Ямаан омог гэдэг нь бусдыг хүндэлдэггүй дээрэнгүй зангаас үүдэлтэй, ухамсаргүй, бодлогогүй алхам шиг санагддаг. Мөн үүнийг үл тэвчих үзэл ч гэж хэлж болно. Дандаа өөрийгөө бодож, дандаа хараал зүхэл хэлж, дандаа бусдыг муулж, дандаа…

Энэ олон жижиг дандаанууд нийлж одоо бид нэгнээ сайн сайхан амьдарч, бүр амьд явж буйг үзэж чадахаа больж байх шиг.

Харамсалтай нь, ямаан омгийн хохирогч нь тэр хүн өөрөө байдаг. Машины өмнүүр хурдан явахгүй бол амь нас, эрүүл мэндээрээ хохирч мэднэ. Өрөөлийг гэмтээвэл өөрөө шоронд орно. Тиймээс энэ их үзэн ядалт, уур бухимдал, стресс ядаргаагаа засах цаг болжээ. Ямаан омгийнхоо золиос болохгүйн тулд өөрөө өөрийгөө л засах гарц байна даа.