Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрээс хэтэрсэн цамаан зан

“Эдийн засаг хэцүүдлээ. Улс орон мөнгө төгрөггүй боллоо. Бүгдээрээ бүсээ чангалах хэрэгтэй боллоо”. Ингэж орилолдох мөртлөө манайхан найгүй цамаархах юм аа. Хэрээс хэтэрсэн цамаан зан энэ улс орныг туйлдуулж сульдааж дуусах нь. Шинэ сайд ирээд албатай юм шиг унаагаа томсгон цоо шинийг худалдаж авдаг номтой. Мөнгө нь улсаас гарч байгаа юм чинь гээд хамгийн үнэтэй гоёыг нь авч тансаглана. Өрөөгөө томсгоно. Орон тоогоо нэмнэ гээд хэрэггүй зүйлд даанч их зарлага гаргах юм.

Саяхан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг дөрвөн тэрбум төгрөгөөр шинээр хэвлэж байгаа талаар мэдээллээ. Өнөө жил дунд сургуульд нийт 140 гаруй төрлийн сурах бичиг ашиглахаас бага ангийн сурах бичгийг хэвлэж тараажээ. Дунд ахлах ангийн шинэчлэх шаардлагатай 45 нэр төрлийн сурах бичгийг есдүгээр сард хэвлэж тараах нь. Дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг төрөөс хөрөнгийг шийдвэрлэж, хэвлэдэг бол үлдсэн 60 хувь нь зах зээлд борлуулагддаг юм байна.

Жилийн жилд л сурах бичиг хэвлэхэд төрөөс ийм хэмжээний мөнгө гардаг. Энэ бол бидний үрэлгэн цамаан зангийн нэг илрэл нь юм. Хавар хүүхдүүдээс хуучин сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг энгийн нэг журам тогтооход л овоо их мөнгө хэмнэнэ. Урагдаж элэгдсэнийг нь сэлбэлээ гэж бодоход бүх номын 10-20 хувийг л хэвлэнэ шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэхэд нэг их ажил өрнөж, явдал суудал болохгүй. Хавар багш нар нь ном авахдаа нарийн тэмдэглэл хөтөлнө. Хүүхдүүд заавал номоо хураалгах ёстой.

Намар бас өөрсдөө дээд ангийнхнаасаа ном авна. Ийм энгийн нэг тойрог үүсгэчихэд хэдэн тэрбумаар тоологддог сурах бичгийн хэвлэлтийн зардлыг хэмнэж болох юм. Нэг номыг 5-6 удаа дамжуулан хэрэглэх ёстой гээд тогтоосон ч болохгүй юмгүй. Бид бүү хэл дэлхийн хүмүүс жишээ болгон даган дуурайдаг Америкийн дунд сургуулиуд ч яг ингэж номоо дамжуулдаг. Тэнд номоо ариг гамтай сайхан хэрэглэсэн хүүхдүүдэд яг тийм цэвэрхэн сайхан номнууд өгдөг. Муухай ном хураалгасан хүүхдэд мөн л тийм ном ногддог. Тийм болохоор номоо хураалгах болохоор цэгцэлж наах, баллуурдах, хавтаслах их ажил хүүхдүүдийн дунд өрнөдөг байна. Хэн л ноорхой ном тэврэхийг хүсэх билээ дээ. Энэ нь хүүхдүүдийг багаас нь хариуцлагатай, эмх цэгцтэй болгодог төдийгүй алив зүйлд өөриймсөг хандах хандлагыг суулгадаг. Цаашлаад нийгэмд өөрийгөө зөв авч явах хүмүүжлийн суурь болдог төдийгүй адаглаад л гудамжны сандлыг эвдэхгүй, ханан дээр эрээчихгүй амьдралын жирийн хэвшилд сургаж байдаг.

Манай зарим нэг сургууль хавар хичээл тарахад хүүхдүүдээсээ сурах бичгийг нь хурааж аваад намар дараагийн ангийнханд нь өгдөг сайхан уламжлал байдаг юм билээ. Үүнийг бүх сургуулиуд ягштал мөрддөг, бүр тодруулбал ийм журам гаргачихвал бидний цамаан зангаасаа болж үрдэг мөнгөний нэг хэсэг нь хэмнэгдэх учиртай.

Тайваньд сургуульд сурахаар очсон манай нэгэн танил бичсэн байсан. Азийн цахиурын хөндий гэгддэг Тайвань бол дэлхийн цахим орчин, компьютерийн эд ангийн ахиухан хувийг үйлдвэрлэж гаргадаг газар. Их сургуулийн номын санд нь ороод мэл гайхсан гэдэг.

Учир нь бид аль хэдийнэ хэрэглээнээсээ хассан Пентиум компьютерийн эхний загварууд өрөөстэй, ид ажиллаж байжээ. Гайхсан мань эр багшаасаа “Танайх ийм өндөр хөгжилтэй байж яагаад ийм компьютер ашигладаг юм бэ” гэхэд “Бид хэрэглээндээ тааруулж амьдардаг” гэжээ. Үнэндээ номын сангийн тэр компьютерүүд гацаж унтрахгүй, ямар ч асуудалгүй ажиллаж байсан бөгөөд түүнээс өндөр хүчин чадалтайг авах ямар ч шаардлага байсангүй. Тэгвэл манайхан яадаг билээ. Яам тамгын газрын дарга нар албатай юм шиг DELL, Ap­ple MACBook гээд хамгийн сүүлийн үед гарсан өндөр үзүүлэлттэйг нь өөрийнхөө ширээн дээр залдаг. Ойр зуур мэйл бичих, интернэт ашиглах зэрэгт түүнийгээ нээх төдий ашигладаг. Дараагийн дарга нь өндөр хүчин чадалтайг дахиад шинээр авдаг. Ийм л цамаан хүмүүс дээ, бид.

Ер нь дэлхий дахинаа энгийн хялбар амьдралыг чухалчилдаг болоод удаж байна. Гял цалыг биш бөх батыг, ганган хээнцрийг биш байгаль болоод хүний биед ээлтэйг, хэмжээ хязгааргүй ихийг биш өөртөө яг таарч тохирсныг сонгож хэрэглэдэг болсон. Ийм энгийн амьдралаас таашаал авч, аз жаргалтай амьдарч байна. Үүнтэй харьцуулахад бидний амьдрал хэтэрхий хэлбэр хөөсөн, хөнгөн хялбар, хэврэг гялгар бүхнээр хүрээлүүлжээ. Ялангуяа төрийн албанд энэ байдал хамгийн ихээр илэрдэг. Номыг сурагчдаас сурагчдад дамжуулан хэрэглэдэг болбол хэн нэгэн даргын хэвлэлийн бизнес дампуурах учраас хэн ч үүнийг ярьдаггүй. Харин ч номын хүртээмж бага байна, хүүхдүүд сурах бичиггүй боллоо хэмээн улиглан дуулсаар байгаад илүү ихийг хэвлэхээ бодно.

Хэмнэх, хэрэглээндээ тааруулах гэдэг үг бидний амьдралаас хасагдаа юу гэмээр. Юм болгоноос ашиг унагах, хонжоо харах сэтгэлгээтэй болж, тэрийг нь тойрсон бизнес цэцэглэж байдаг юм чинь, аргагүй биз ээ. Бидний хувийн амьдрал дээр ч энэ байдал ажиглагддаг. Бусдаас дутахгүй гээд лизингээр том жип авчихдаг. Хүнээс дор яваагаа харуулахгүй гээд нэг биендээ өмсөж зүүж барахгүй хувцас, гоёл авдаг. Хэзээ ч ид хавыг нь гаргахгүй том компьютер дээр тоглоом тоглож суудаг хүмүүс бол бид.

Юмгүй хэрнээ цамаан, цатгалан зантай бидний энэ байдал засагдаж гэмээнэ хаана хаанаа амьдрал дээрдэнэ. Сэтгэлгээний ийм гажуудал хэр удаан үргэлжилж, хичнээн хол замыг ингэж туулж байж засралыг олох юм бол.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нарны гүүрээ тордож додомдохсон

Японы Засгийн газрын тусламжаар Улаанбаатарт барьж өгсөн Нарны гүүр нийслэлийн замын түгжрэлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 100 жилийн баталгаа гаргаж өгсөн Нарны гүүрийг хаанаас нь ч харсан төгс гүйцэтгэлтэй. “Энд ингээд хулхидаж дээ, тэр жаахан хэсгийг дутуу орхичихож” гэсэн өө сэв хайгаад олдохгүй.

Эндээс япон хүний нягт нямбай, ажилсаг зан чанар, япон стандарт харагддаг. Япончууд хийдгээ хийгээд, барьдгаа бариад хэдийнэ яваад өгсөн, гүүр манай мэдэлд шилжээд дөрвөн жил болж байна.

Нарны гүүрэн дээгүүр явж байхад манайхны сэтгэл юмхан дээр ч дутах юм даа гэж өөрийн эрхгүй бодогддог юм. Учир нь арчилгаа тордлогоо гээд байх юм тэнд алга.

Чанарын хувьд 100 жилдээ санаа зовохгүй байж болох ч огт арчилж хайхралгүй орхи гэсэн үг биш юм. Ядаж гүүрний дундын тусгаарлагч болон хажуугийн боржуурыг шөнө цацарч харагддаг будгаар будахгүй бол машин шүргэж мөргөж мэдэх аюултай юм билээ. Гүүрний шөнийн гэрэлтүүлэг ч бүүдгэр муухан. Дарга даамлуудын байнга зорчдог Энх тайвны гүүрийг жигтэйхэн додомддог шиг Нарны гүүрээ ч гэсэн арчилж янзлахгүй бол тэнд санаа тавьж, анхаарал хандуулж буй нэг ч хүн алгаа. Э.Бат-Үүл даргын үед зун нь хэдэн цэцэг өлгөчихдөг байсан нь ч бүр өнгөрсөн. Цэцгээ байя гэхэд будгаа түрхээд өгмөөр юм даа.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Үсэг бичиг мэддэггүй хүн хүртэл Үндсэн хууль өөрчилнө гээд гүйж явах юм

1992 онд Ардын их хурлаар шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш өдгөө 30-аад жил болж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгоор шинэ Үндсэн хуулиа батлан тунхагласан түүхтэй.

Түүнээс хойш найман жилийн дараа буюу 2000 онд Үндсэн хуульд дахин нэг удаа нэмэлт өөрчлөлт оруулсныг нийтээрээ “Дордуулсан долоон заалт” хэмээн нэрлэсээр өнөөдрийг хүрлээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийхдээ ард иргэд, олон нийтээр хэлэлцүүлээгүй, улс төрийн явцуу хүрээнд шийдвэрлэсэн хэмээн шүүмжилдэг. Тиймээс ч Үндсэн хуулийг дордуулсан долоон заалтыг засах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай байнга л яригдаж байдаг юм. АН-ынхан олонхи болсон өнгөрсөн парламентын үед ч өөрчлөх, нэмэлт оруулах тухай яригдаж, төсөл хөтөлбөр нь ч бэлэн болчихсон гэж байв. Тэгснээ 99 тэнгэрийг бэлгэдэж 99 УИХ-ын гишүүнтэй ч болно гэх шиг хачин маазарсан мэдээллүүд ар араасаа хөврөөд эхэлсэн. Хэт шашинжив уу, мухар сүсэгт автав уу эсвэл бүр хорлох гэсэндээ ч ингэсэн үү бүү мэд ямартаа ч Үндсэн хуулинд гар хүрэлгүй тэд явцгаасан юм.

МАН засгийн эрх авангуутаа мөн л Үндсэн хуулийг өөрчилнө гэв. Үндсэн хууль судлаачдын ярьж байгаагаас харвал 30 орчим жилийн давтамжтайгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, засч сайжруулж байх ёстой гэнэ. Энэ нь ч зөв мэт санагддаг юм. Яагаад гэхээр Монголд Засгийн газар нь 1.8 жилийн хугацаатай солигддог гэсэн тоо бий. Ийм тогтворгүй засаг төртэй болохоор хөгжлийн стратеги төлөвлөгөө гэж манайд байдаггүй. Урт хугацаанд улс орноо хэрхэн хөгжүүлэх, эдийн засгаа яаж сайжруулах, хүн ардынхаа амьжиргааг дээшлүүлэх бодлого хөтөлбөр гэж байхгүй. Хэрэв 1990 оноос хойш ийм урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулан тэдэн онд Нефтийн үйлдвэртэй болно, дараа нь Гангийн үйлдвэр барина, эрүүл мэнд, боловсролын системийг 20 жилийн дараа гэхэд ингэж өөрчилнө, үүнийг дагалдан хүмүүсийн амьдралын чанар ингэж дээшилнэ гэх мэтээр тусгасан бол өдийд биеллээ олчихсон байгаа. Гэтэл юун хөгжлийн тухай ярих вэ, Засгийн газар ажил хийх биш яавал огцрохгүй байх вэ гэдгээ л онцолж боддог болсон нь гашуун үнэн. Улс төр болоод засаглалын гажуудлыг засч, зөв голдрилд нь оруулахын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв юм.

Энэ удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар зөвлөлдөх санал асуулга хоёр удаа зохион байгууллаа. Санамсаргүй түүврийн аргаар 1515 хүн сонгож, хуралдсан бөгөөд тэд УИХ-ын тогтоолоор баталсан зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион, санал бодлоо солилцож, экспертүүдээс сонирхсон зүйлээ асууж лавлав. Эцэст нь энэ хүмүүсийн санал асуулгын дүнг харгалзан үзэж Үндсэн хуулиа өөрчлөх үү, үгүй юү гэдгээ шийднэ. Үйл явдал ч яахав, ингээд өрнөж байна. Харин санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон гэх дээрх 1500 гаруй хүний мэдлэг боловсрол анхаарал татаж байна. Нийгмийн бүхий л давхаргыг хамруулсан гэж зохион байгуулагчид цээжээ дэлдэж байна. Тэдний сонгосон хүмүүсийн тодорхой хувийг хөгжлийн бэрхшээлтэй, бичиг үсэггүй, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд эзэлж байх жишээтэй. Боловролгүй хүн 72 байна. Энэ хүмүүсийг дорд үзсэндээ ингэж онцолсонгүй. Гэхдээ мэдээлэлтэй, юмны наад захын учир шалтгааныг мэддэг, мэдлэг боловсролтой иргэд л Үндсэн хуулийг өөрчлөх эсэх дээр бодит дүгнэлт гаргаж чадна.

1992 онд шинэ Үндсэн хууль батлалцсан АИХ болон Улсын бага хурлын 420 гаруй гишүүний боловсролын байдлыг харъя. Шинэ Үндсэн хууль баталсан АИХ-ын нийт гишүүдийн 90,4 хувь буюу 381 хүн дээд боловсролтой байсан бол 18 хүн тусгай дунд, 18 хүн бүрэн дунд, таван хүн бага боловсролтой байжээ. Нийгмийн байдлаар нь үзвэл тэдний 99 нь сэхээтэн, 188 нь төрийн албан хаагч, 120 нь нэгдэлчин, 22 хүн үйлдвэр үйлчилгээний ажилтан, есөн хүн малчин байв.

Монголын бүхий л салбар, нийгмийн давхаргыг багтаасан ч бичиг үсэггүй хүн лав байгаагүй. Хамгийн өндөр боловсрол мэдлэгтэй сэхээтнүүд, сэтгэгчид, үгүй ядахдаа бичиг үсэгтнүүд 70 гаруй хоног хуралдаж, мэтгэлцэж байж шинэ Үндсэн хуулиа баталж байв. Гэтэл өнөөдөр бид Үндсэн хуулиа батлах эсэхээ бичиг үсэггүй, боловсролгүй хүмүүсээс асууж, хөгжлийн замаа заалгадаг болжээ. Социализмын үед нийгмийн бүхий л давхаргыг хамруулна гэдэг нийтлэг ойлголтын үүднээс бичиг үсэггүй хүмүүсийг санал асуулгад хамруулсан байж болох юм. Гэхдээ л Монголын амин чухал ажлыг ямар ч боловсролгүй хүмүүсээр заалгана гэдэг арай ч хэтийдсэн хэрэг юм. Монголчуудын түүхэн сурвалж бичиг Монголын нууц товчоонд “Цэр цээжинд, бөөр бөгсөнд” гэсэн үг байдаг. Хүнд чаддаг ажил гэж байна, чадахгүй ажил ч байна. Хийдэг, хийдэггүй зүйл гэж байдаг. Бүх юм өөрийн зиндаатай гэдгийг дээрх үгсээр илэрхийлжээ. Хэдий муу ч цэр цээжинд байдаг. Бөөр сайн гэвч бөгсөнд л оршдог. Мэдлэг мэдээлэлгүй, боловсролгүй хүмүүсийг санал асуулгад оролцуулж байна гэдэг юу ч бичээгүй цагаан цаасан дээр юу хэлэхээ бичээд оруулж байгаагаас өөрцгүй хэрэг. Тэр хүмүүс тухайн үед ямар ойлголт авсан, зохион байгуулагчид өөрсдөд нь зориулж юу ярьж байгаагаас л мэдээлэл авсан байж таараа. Тэр хүрээндээ л саналаа өгөх нь ойлгомжтой юм.

Үндсэн хууль өөрчлөх эсэхийг шийдэхдээ Монголын толгой эрдэмтэн мэргэд, салбар салбарын тэргүүлэх хүмүүс, нэртэй судлаачдаасаа асуудаггүй юм уу гэмээр. Үндсэн хуулийг өөрчлөх зөвлөлдөх санал асуулга гэдэг энэ удаа ор нэрийн төдий л зүйл болж өнгөрлөө. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг ард түмнээс асуусан болж жүжиглэлээ. Бүр эрдэм боловсролыг хэт дорд үзсэн үйл явдал боллоо. Энэ мэт боловсролыг дорд үзсэн, шашин, мухар сүсгийг дээдэлсэн үйл явдал Монголын төрийг удирдаж байгаа хүмүүсээс байнга гарах болсон нь туйлын харамсалтай. Тэгэх тусам Монголын нийгэм харанхуй бүдүүлэг болж, зэрлэгшиж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаатар: Мэдээллийн боловсролтой иргэд л амжилтад хүрч нийгэм хөгждөг

Сэтгүүл зүй судлаач, доктор Ж.Батбаатартай уулзаж өнөөгийн хэвлэл мэдээллийн зах зээл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс, хэрэглэгчдийн мэдээллийн боловсролтой холбоотой цогц асуудлаар ярилцлаа.


-Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн зах зээлийн орон зай нэлээд хумигдмал болж байгаа нь юутай холбоотой вэ?

-Орчин үеийн мэдээллийн технологийн хурдтай хөгжил, мультмедиа соёлын хэт дэлгэрэлттэй холбогдон гарч байгаа нэлээд нийтлэг үзэгдэл л дээ. Өнөөгийн дижитал эрин үе нь өөрийн соёл, хэрэглээ, орчинг нэгэнт бүрдүүлж түүндээ зохицсон хэрэглэгчдээ ч төрүүлж байгаа нь уламжлалт хэвлэлийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх болсон нь ажиглагдаж байна. Гэхдээ ганц энэ ч биш ялангуяа манай орны хувьд өөр олон онцлог шалтгаан бий. Тэр дотроос мэдээлэл хүртэгч, түүнд оролцогч иргэдийн соёл, хэрэглээний түвшинтэй холбоотой нь гэвэл аливаа мэдээллийг үнэлэх, түүнийг амьдрал ахуйдаа ашиглах чадвар, боловсрол дутуу байгаа явдал юм.

Жишээлбэл, манай улсад чөлөөт хэвлэл хөгжсөн 20 гаруй жилийн хугацаанд өмнөх социалист нийгмийн үеийн ямар нэг сонголт, харьцуулалт хийх боломжгүйгээр шууд тулгагдаж ирдэг, “үнэмших л ёстой” үзэл суртлын зорилготой мэдээллийг идэвхгүй хүлээн авч хэвшсэн манай иргэдийн мэдээлэлд хандах хуучин арга барил, хэвшил, зуршил нь өнөөг хүртэл хадгалагдсаар байгаа нь саад болж байна. Уг нь олон нийтийн мэдээлэлд орчин үеийн түвшний “хатуу шалгуур, шаардлага” тавих хэмжээний уншигч, хэрэглэгчид бий болж төлөвшсөн нөхцөлд бол тэд өөрсдөө хэвлэл, мэдээллийн чанарт нөлөөлөх гол хөшүүрэг нь болоод явчих учиртай.

Бас нөгөө нь манай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд чөлөөт хэвлэлийн үүрэг зорилгоо ухаарч, мэргэжлийн зарчим, ёс зүйгээ баримталж жинхэнэ чөлөөт хэвлэл шиг хэвлэл байж чадахгүй, олон нийтийн их ярьдаг захиалга, шантааж гээд элдэв бусын авир үйлдэл их гаргадгаас нь болоод олон хэрэглэгчийн итгэл алдрахад хүрч байгааг ч хэлэх хэрэгтэй.

Чөлөөт хэвлэлийн зах зээлийн жам хуулиас гадуур санхүүжигдэж амь тээдэг олон хэвлэл угаас жижиг зах зээлээ хуваагаад багталцахгүй байна гэж шүүмжлэх нь бий. Гэлээ гээд хэвлэлийн тоог хүчээр цөөрүүлэх, тийм бодлого барих боломжгүй л дээ. Учир шалтгааныг тодруулж илүү нарийвчилсан судалгаа, дүгнэлт хийж, сургамж авч зөв ажиллаж чадвал сэтгүүл зүй эрүүлжиж, чанаржиж, зах зээл нь тэлж тогтворжсоноор салбарын төдийгүй нийгмийн ухамсар, иргэдийн хөгжил, төлөвшилд ихээхэн тустай болох юм.

Ер нь хэвлэл, мэдээлэл ялангуяа уламжлалт хэвлэлийн зах зээлийн ийм хязгаарлагдмал байдал бий болоход нийгэм, технологийн хөгжил, хэрэглээний соёл, хэвшил, хэрэглэгчдийн бүтэц, сэтгэлгээний онцлог, зах зээлийн багтаамж, мэргэжлийн чадвар, бүтээгдэхүүний чанар гээд олон зүйл нөлөөлж байгаа.

-Тухайлж хэлбэл?

Наад зах нь зарим хэвлэл одоо бүх нүүр, булан нь, сүлжээний бүх хөтөлбөр, нэвтрүүлэг нь ил, далд төлбөртэй, захиалгатай болчихсон байна. Эзэн нь өнөөдөр ийм мэргэжлийн бус увайгүй ажлаараа ашиг олоод, болоод байгаа мэт ч бусдынхаа, салбарынхаа нэр хүндийг унагаж, улмаар мэдээллийн үйлчилгээний ирээдүйг нь үгүй хийж байгаагаа ухамсарлах чадваргүй цайчихсан, бүр амьдрах арга, хэв маяг нь болчихлоо. Энэ нь сэтгүүл зүй цаашлаад иргэдийг хохироож, нийгмийг бохирдуулж байгаа хэрэг учраас олны эрх ашгийн үүднээс цаашид тэднийг нийтэд зарлах зэргээр зохих хариуцлага тооцож явахгүй бол иргэд шударга бус, хор ихтэй хэвлэлээс улам л зайгаа авч дайжих болно. Ер нь олон нийтийн мэдээлэл үнэн бодитой, зөв шударга байх нь орчин үед хэрэглэгчдийн тавих зайлшгүй шаардлага, тухайн хэвлэлийн нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага нь болохоос редакцийн юм уу, хэн нэг эзэн, эрх мэдэлтэй эзний дур зоргын хэрэг биш юм.

Одоо чинь олон жил хэвлэл мэдээлэл, харилцаа судалсан мэргэжилтэнд байтугай мэдээлэлтэй байнга харьцдаг олон уншигч, үзэгчийн хувьд ч мэргэжлийн зарчмаасаа жаахан л гажвал тухайн хэвлэл, сэтгүүлч ямар зорилготой, ямар мессэж өгөөд, хөдөлгөөн хийгээд байгаа нь, хэний, ямар бүлэглэлийн эрх ашигт үйлчлээд буй нь тодорхой харагдаж мэдрэгддэг болчихсон байна шүү дээ.

Тийм болохоор шинэ мэдээллийн хэрэгслийн хөгжлийн энэ үед хэвлэл, мэдээллийн буруу булхай үйлдлүүд өөрийнхээ нас, орших хугацааг л богиносгож байгаа юм. Хэдий хурдтай өөрчлөгдөж буй боловч мэргэжлийн төвшний сэтгүүл зүйн чанартай мэдээллийн хэрэгцээ өнөөгийн соёлтой хэрэглэгчдэд байсаар л байгаа, цаашдаа ч хэвлэлийн мэдээлэл найдвартай, баталгаатай байж чадвал зах зээл одоогийнхоос өргөжих боломж бий.

-Өнөөгийн дүр зураг нь ямархуу байдалтай харагдаж байна?

-Хувь хүнтэй л адилхан шүү дээ, удаан хугацааны туршид бодитой, тулхтай байж чадсан, олон нийтэд тийм үнэлэмжээ алдаагүй барьж чадсан хэвлэл гайгүй, жаахан тавьтиргүй, итгэл алдсан овилгогүйнүүд нь хэрэглэгчдээ алдаж, аргагүйдэн янз бүрийн аргаар нохой хоргоож байгаа дүр зураг л голлон харагдаж байх шив. Нэлээд нь хөгжлийн хандлага, эрэлт, хэрэгцээнд тулгуурлах, бусдын сайн туршлагаас суралцах, орчин цагийн шинэ менежмэнт хийхийн оронд нөгөө л захиалга хэрэгжүүлэх тэргүүт аль зохисгүй арга, техникт дулдуйдах бололтой юм аа, тэгэхээр хонгилын үзүүрт нэг л гэрэл харагдаж өгөхгүй тал руугаа болчих гээд байна. Мэргэжлийн сэтгүүл зүйн зарчмыг алдагдуулж, ингэж буруу солгой байдлаар ажиллах хэвлэл олон болоод байвал улс, нийгмийнхээ хөгжил, төлөвшилд эерэг сайн нөлөө үзүүлэх биш бүр эсрэгээрээ хор хохирол учруулахад хүрч болзошгүйг анзаарахгүй байж болохгүй.

-Бусад улс, орнуудтай харьцуулбал манайд ямархуу түвшинд байна, ялгаа, зөрүү их байна уу?

-Их өөр байна. Хэдийгээр сүүлийн 20-30 жилд нөхцөл шалтгааны дэлхий дахинаа уламжлалт хэвлэлийн зах зээл буурч ирсэн ч манайх шиг биш байна. Харьцуулан судлаад үзэхэд Европт, тухайлбал, Германд хэвлэмэл хэвлэл, сонины хэвлэгдэж байгаа тоо нь мөн үеийнхээс дунджаар 30 гаруй хувиар буурсан байхад, Японд 20 гаруй хувь, манайд энэ үзүүлэлт 80 хувиас ч дээш гарчихсан байх жишээтэй.Адилхан л хямралтай нөхцөлд ажиллаж байгаа ч гадаадын хэвлэлүүд бол зах зээлийн байдал, технологийн хөгжлөөс шалтгаалсан хөгжлийн хандлагуудыг мэдэрч өөрсдийн уншигч, сонсогч, үзэгчдээ бэлтгэх, зорилтот бүлэг, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанууд явуулах гээд гарцууд хайж амжилтад хүрч байгаа жишээ олон байна.

Бусад улсуудад харьцангуй тогтвортой байтал манайд яагаад ийм байна гэхээр орчин үеийн соёлын нэг салшгүй хэсэг болсон медиа соёлын өөрчлөлтийн ерөнхий хандлагаас илүүтэй манай уншигчдын онцлог, бидний туйлшрамтгай байдал, дээр хэлсэн олон нөхцөл, байдал буюу биднээс хамаарах шалтгаануудаас болж иймэрхүү байдалтай байна.

-Үүний сөрөг үр дагавар нь юу вэ?

-Өнгөц харахад сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын л асуудал, энэ бизнесийн зах зээлтэй л холбоотой зүйл мэт боловч үнэн хэрэгтээ бол нийгмийн асуудал шүү дээ. Ардчилсан нийгэмд, энэ мэдээллийн эрин цагт иргэд үнэн бодитой, чанартай мэдээлэл авах, хүртэх эрхтэй, тэрхүү үйлчилгээг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд голлон үзүүлдэг. Гэтэл манай хэрэглэгчид мэргэжлийн сэтгүүл зүйгээс авах ёстой тэр чанартай мэдээллээ хуурмаг, элдэв зорилготой мэдээлэл, үзэл бодол, хийрхэл давамгайлсан сошиал медиагаар хэтийдүүлэн сольж, орлуулдаг болчихоор нийгэм бүхэлдээ түүнд дөрлүүлэх байдалд орчихож байгааг бид сүүлийн үеийн олон баримт, үйл явдлын жишээнээс бэлхнээ харж байна.

-Энэ байдлаас гарахын тулд бидэнд одоо ямар бодлого, үйл ажиллагаа хэрэгтэй байна вэ?

-Өнөөгийн дижитал ертөнц, мэдээллийн орон зай чинь эрх чөлөө гэдэг үгээр халхлагдсан хүчирхийлэл, дайны талбар шиг байх ёсгүй шүү дээ. Ийм байдлаас иргэд, залуу хойч үеэ хамгаалах нь, тэднийгээ зөв хэрэглээнд сургаж, зөв чигт хөтлөх нь нэг талаас төрийн үүрэг мөн л дөө. Гэхдээ бүгдийг төр, засагт даатгаад орхиж болохгүй, наад зах нь л өсвөр насныхан, хүүхдүүд сургуулийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг холбогдох яам хориглосон нь үнэхээр чухал ч гэсэн энэ шийдвэр гарснаар бүх асуудал шийдэгдчихэж байгаа юм биш, эцэг эхчүүд ч мөн гэр орондоо хүүхдийнхээ хэрэглээнд ухаалаг зохицуулалт хийж, шаардлага тавьж байж л сая өнөө айхтар “дэлгэцийн өвчин”-өөс хүүхдээ хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг ойлгох, үүргээ ухамсарлах хэрэгтэй.

-Мэдээллийн боловсролын талаар тэр бүр яриад байдаггүй, энэ тухай манай уншигчдад тодорхой тайлбарлаж өгөхгүй юү?

-Чухамдаа мэдээллийн боловсролгүйгээс л мэдээллийн ертөнц, цахим орчноос шалтгаалсан сөрөг үзэгдлүүд нийгэмд их гарч байгаа юм. Мэдээллийн боловсролтой болохын тулд эхлээд media literacy буюу мэдээлэл харилцааны хэд хэдэн чиглэл, цогц мэдлэг, чадварыг танин мэдэж, сурч эзэмших ёстой болдог. Үүнд иргэдийн аливаа мэдээллийг үр өгөөжтэй ашиглах чадвар, мэдээллийг үнэлэх чадвар, задлан шинжлэх чадвар, бас орчин үеийн медиа соёлын орчинд мэдээллийг бүтээх чадвар орно.

Өөрөөр хэлбэл, дээрх чадваруудын цогц нь мэдээллийн боловсрол гэж ойлгож болно. Иргэд, хүүхэд залуу үеийнхэнд өнөөгийн мэдээллийн хязгааргүй их орон зайд мэдээлэлтэй харьцах чадвар, соёлтой болгох, тийм дадал хэвшил төлөвшүүлэхэд медиа боловсрол чиглэгддэг. Ингэснээр хэрэглэгчдийн аль ч төрлийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, мессэжүүдийг цогцоор нь ойлгох, уялдаа холбоонд нь авч үзэх, хэрэглэх чадвар нь дээшилнэ. Мэдээллийн боловсролтой иргэд л мэдээллийн үр өгөөжийг илүүтэй хүртэж, илүү амжилтад хүрч тэр хэрээр хүний хөгжил ч, нийгмийн хөгжил ч урагшлан ахиж дэвших юм.

-Та Монголын хэвлэлийн зөвлөлийн Ёс зүйн хорооны даргаар ажилладаг. Ер нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн өөрийн зохицуулалтын байгууллага хэр зэрэг үр дүнтэй арга хэрэгсэл вэ?

-Хэвлэл мэдээллийн өвөрмөц үйл ажиллагаанд өөрийн зохицуулалт чухал үүрэгтэй нь олон улсын сэтгүүл зүйн практикаар нэгэнт нотлогдсон зүйл болохоор бид тэр зүг рүү л явах ёстой. Өнөөдөр хамгийн гол нь манай редакциуд, сэтгүүлчид хэвлэлийн өөрийн зохицуулалтын ач холбогдлыг ойлгож нэгдэн ажиллах нь чухал юм. Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад болон хэвлэлээс шалтгаалж иргэдэд тулгардаг олон бэрхшээлийг хэвлэлийн зөвлөлөөрөө дотооддоо шийдэж хэвшин, тийм соёл төлөвшүүлж чадвал чөлөөт хэвлэл элдэв хуулийн зохицуулалт, дарамтаас ангид, хараат бусаар ажиллах боломж бүрдэх юм.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Монголын үнэртэй салхи

Монголын үнэртэй салхи зурган илэрцүүд

Монголын үнэртэй салхи гэж манай дуучид дуулдаг. Хээрийн салхинд үнэрсээд байх ч юув гэж эгдүүцэх нэгэн байхад Монголынхоо хилээр орж ирэхэд салхи нь хүртэл өөр шүү гэж нэг хэсэг нь зүтгэдэг. “Нээрэн Монголын салхи бусад орныхоос огт өөр байдаг” гэж нэг инженер залуу ярихыг сонслоо. Тэрбээр Салхитын хөндийд сүндэрлэсэн Салхин цахилгаан станцад ажилладаг бөгөөд “Монголын салхи хуурай хөнгөн байдаг болохоор том том салхин сэнсийг эргүүлэх хурд нь бага байдаг. Тэр хэрээрээ цахилгаан эрчим хүч төлөвлөснөөрөө гаргаж чаддаггүй” гэлээ. Тэгвэл Өмнөд Солонгост салхин сэнс яг стандартынхаа дагуу эргэж, төлөвлөсөн цахилгаанаа ч гаргаж авч чаддаг гэнэ. Учир нь өмнөдийн салхи чийгтэй хүнд байдаг бөгөөд түүгээр үлээгдсэн сэнс ёстой сэнсэртэл эргэдэг юм байх.

Тал нутгийн маань сэрүүн салхи бууж нисэх бор шувуу шигээ хөнгөн хөөргөн байдаг ажээ. Тиймдээ ч зуны аагим халуун өдөр исгэрэх төдийд сэвэлзтэл дэгдээд ирдэг байх нь.

“Халуун оронд салхиа л санаж явлаа” гэж манайхан ярьдаг. Аргагүй шүү дээ, тэндхийн хүнд залхуу салхинууд юу гэж л манайхныг исгэрэх төдийд сэрж өндийв гэж. Тийм газар оронд сэрүү таттал үлээдэг Монголынхоо салхийг саналгүй л яахав ээ.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ганцхан оффшорчинтой мэт С.Баярцогтыг баалахын цаад учир

Оффшорын тухай яриа сүүлийн үед ид хүчээ авч байна. Оффшор бүсийн тухай ярьдаггүй ч хүнгүй болж, энэ тухай ам нээхгүй бол өөрөө оффшорчин болчихож байгаа мэтээр амтай болгон уралдан ярьж, хамаг муу муухайн жишээ болгон бөөлцгөөж байна. Бүр төв талбай дээр оффшорчдын эсрэг жагсаал, суулт болон өргөжив шүү. Зарим хүнийг харж байхад оффшор гэдэг ойлголтоо ч муухан мэддэг болов уу гэж бодогдох юм. Хэнд ч үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, тэмцэх эрх бий. Гэхдээ оффшор ярьж байгаа хүмүүс бүгд адилхан, амнаасаа нэг л хүний нэрийг жишээ болгон унагах юм. Тэдний оффшорын жишээ болгон ярьдаг ганцхан хүн нь С.Баярцогт. Монголд ганцхан оффшорчин байдаг, тэр нь С.Баярцогт гэж хичнээн ч жил улиглан ярив. АН, МАН бүр Иргэний хөдөлгөөнийхөн хүртэл ингэж зүхнэ. Эдэн дундаа АН нь бусдаасаа арай илүү хашгирч байгаа харагдах юм. Саяхан УИХ-ын чуулганаар Оффшорын эсрэг хууль батлахад С.Баярцогтыг шийтгэсэнгүй гэж улайран дайрч ч байх шиг. Ямар ч тохиолдолд хууль эргэж үйлчилдэггүй ёстой. Хэрэв хууль эргэж үйлчилдэг бол энэ нийгэм хөл толгойгоо алдаж, эмх замбараагүй байдал үүснэ. Үүнийг мэддэг ч эс мэдэн будилагчид С.Баярцогтыг шоронд хатааж байж санаа нь амрах гэсэн юм болов уу.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2013 онд УИХ-ын дэд дарга С.Баярцогттой холбоотой гэж оффшорын дуулиан тархсан билээ. Швейцарийн банкинд нэг сая долларын нууц данстай гэх мэдээллийн хариуд тэрбээр “Олон улсын үнэт цаасны арилжаа нээхийн тулд хоёр найзын хамт данс нээж байсан. Одоо миний дансанд 2000 шахам евро л бий” гэсэн даруухан тайлбар хийгээд өнгөрсөн. Мөн үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй хэмээн өөрөө ёсзүйн хариуцлага хүлээн УИХ-ын дэд даргын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгсөн байдаг. Үнэндээ С.Баярцогтын нэг сая доллар гэдгийн дэргэд одоо нэр нь тодроод байгаа оффшорчингуудын мөнгө хавьгүй их жинтэй дуулдах юм. Аль дөрөв, таван жилийн өмнөх зүйлийг ярьж байхаар шил шилээ даран гарч ирсээр байгаа оффшорчингуудаа яагаад ярьдаггүй билээ гэдэг тун сонин юм. Уучлал гуйж, албан тушаалаа хүлээлгэн өгч хариуцлага хүлээсэн С.Баярцогт одоо улс төрд байхгүй. Байхгүй тусам балбаад байх юм. Намынхан нь хүртэл “энэ оффшорчинг Бодлогын зөвлөлдөө оруулахгүй” гээд нэрийг нь хасч байх жишээтэй.

Яг одоо эрх барьж буй намаас УИХ-д сонгогдсон арав, хорин гишүүн оффшор бүсэд данстай, хичнээн сая доллараар нь мөнгөө байршуулсан гээд зөндөө зарлах юм. Тэрийг тоож байгаа хүн байна уу. Эрх баригчид болохоор юун уучлал гуйх “Тэр чинь би биш” гэх анзааны тайлбар шидчихээд гүрийчихэд бүгд дуугүй болчихож байна. Харин ч заримд нь албан тушаал өгч гадаадад Элчингээр залж байх юм.

Монголд оффшортой холбогдсон хүмүүсээс С.Баярцогтоос өөр хэн ч уучлал гуйж, албан тушаалаа өгч өөрөө өөртөө хариуцлага тооцож байсангүй.

С.Баярцогт бол Монголын улс төрд гялалзаж яваа улстөрч. Түүний намтар, туулж ирсэн замнал нь үр хүүхдэдээ үлгэр дуурайл болгомоор бахархам түүхээр дүүрэн юм. Арван жилээ алтан медаль, их сургуулиа улаан дипломтой төгссөн тэрбээр Москва хотын Улсын их сургуулийг эдийн засагч, багш мэргэжлээр дүүргэжээ. Мөн ХБНГУ-ын Гадаад худалдааны академийг бизнесийн удирдлагын мэргэжлээр, АНУ-ын Колумбийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр, МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн хүн. Орос, англи, герман хэлтэй. Сурч болох бүхий л сургуульд сурсан өндөр боловсролтой залуу. 23-хан насандаа буюу 1990-1992 онд АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, шинэ Үндсэн хуулийг батлалцсан хамгийн залуу улстөрч болжээ. Түүний намтар түүх УИХ, Засгийн газрын гишүүн гэсэн хариуцлагатай албан тушаал хашиж байсан он жилүүдээр зузаарсаар байгаа.

Ийм өндөр боловсролтой, гялалзсан амжилттай яваа түүнд хүний өөрийн гэлтгүй атаархаж үхэх шахдаг биз ээ. Тиймээс л С.Баярцогтыг нийгмийн шаар шавхруу мэт есөн шидээр нь муулдаг. Хэрэв муулагчдын үгэнд автах юм бол “Энэ нөхрийг яаж газар дэлхий даадаг байна аа” гэж бодмоор. Харин энгийн ард түмэн өөр бодолтой байдаг, энэ боловсролтой залууг үнэлж, хүндэлдэг гэдэг нь саяхны нэгэн сонгуулиас харагдаж байна. АН-ынхан Бодлогын зөвлөлөө сонгох сонгуульдаа С.Баярцогтыг оруулахгүй гэсэн ч намын жирийн гишүүд түүнд хамгийн олон санал өгч гаргаад ирсэн байдаг. Үүн шиг Монголын төрд С.Баярцогт шиг өндөр боловсролтой, шинэ цагийн шилдэг залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй байна. С.Баярцогт гэх энэ эрхэмд сайндаа би ингэж хэлсэнгүй. Мухар сүсэг биш боловсрол, мэдлэгтэй хүмүүс л Монгол Улсыг хөгжүүлж, улс шиг улс болгож чадна. Ядуурал, гуйланчлал, нийгмийн элдэв гэмт хэрэг багасч, ард түмэн өр зээлгүй амар тайван амьдрахыг хүсч байна. Ард түмний аз жаргалтай амьдрах хүслээр Монголын төрд байгаа мухар сүсэгтнүүд тоглож гүйцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч нь дэргэдээ үзмэрч төлгөчтэй байсан цаг саяхан. Одоо албан ёсны бөө, үзмэрчийн орон тоо байхгүй ч төрийн тэргүүнд сууж байгаа нөхөд бүгд багш ламтай, бөө үзмэрчтэй. Тэднийхээ заавар зөвлөгөөгөөр төрийн ажлыг явуулдаг. Ажил хийхийн тулд ламаас асуудаг, бөө бөөлүүлдэг. Байшин барихын тулд газарт цай, сүү булж, хонх дамар тачигнуулан оршуулга хийдэг. Албан бичигт гарын үсэг зурахын тулд сайн өдөр таарахыг хүлээдэг болсоор удаж байна. Ингээд Монгол Улс өөдөлж дэвждэг бол бид өнөөдөр аз жаргалтай амьдарч байхсан. Харамсалтай нь, өнөөдөр өөрсдийгөө аваад явчихдаг дундаж давхаргынхан ядуусын эгнээнд шилжиж, хэдэн зуун компани үүд хаалгаа барьж, улс орон маань санхүүгийн эрх мэдлээ гадны байгууллагад өгчихөөд сууж байна.

Монголын ард түмэн, Монгол Улсын хувь заяаг эрдэм боловсролд нэвтэрсэн шилдэг сэхээтнүүд л зөв зүгт хөтөлнө. С.Баярцогт шиг боловсрол, мэдлэг, дадлага туршлага нь тэгширсэн залууст атаархаж, замаасаа зайлуулах гэсэн тэнэгүүдийн үгэнд авталгүй дотроо бодолтой, дороо суурьтай байхсан. Нийгмийн сүлжээ, цахим сайтууд, хэвлэл мэдээллээр хийсэх, зорилготой зорилгогүй түмэн янзын мэдээллээс өөрт хэрэгтэй, зөвийг нь ялгаж салгаж авах мэдлэг, чадвартай байхсан. Тэгэхгүй бол мухар сүсэгтнүүд төр удирдаж, шинжлэх ухаан шүтдэг мэдлэг чадвартай боловсон хүчнүүд гудамжинд шахагдаж байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр дэх шашны нөлөө нүд халтирмаар болоод удлаа

Хөгжил дэвшил болоод хүчирхэг байдлаараа дэлхийд тэргүүлдэг Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үе шат энэ сарын 23-нд товлогджээ. Ерөнхийлөгч болохоор 11 хүн өрсөлдөж буй ч рейтинг нь хамгийн өндөр яваа гурван хүний нэрийг онцлоод эхэлсэн байна. Үндэсний фронтын намын анхны тэргүүн Жан Мари Ле Пений охин Марин болон 39 настай банкир Эммануэль Макрон, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Франсуа Фийон нараас хоёр нь дараагийн шатанд өрсөлдөх магадлал өндөр гэх. Энэ дашрамд өгүүлэхэд Францын сонгуулийн систем хоёр үе шаттай. Эхний шат дөрөвдүгээр сарын 23-нд болно. Нэр дэвшигч 50-иас дээш хувийн санал авбал шууд ялалт байгуулсанд тооцно. Үгүй бол хоёрдугаар шатны санал хураалтыг зохион байгуулж, хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн төлөө санал өгнө. Хоёр дахь шат тавдугаар сарын эхээр товлогджээ. Франц бол Ерөнхийлөгчийн эрх мэдэл нь давуу бүгд найрамдах засагтай, ардчилсан улс. Ерөнхийлөгч нь хоёр танхимтай Улсын их хурлаа тараах, дахин сонгууль зарлах эрхтэй. Ерөнхий сайдаа өөрөө санал оруулж батлуулдаг гээд маш их эрх мэдэлтэй юм. Их наймын орнуудын нэг, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй энэ орны Ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхийн улс төрийн өнгийг өөрчлөх сонгуулийн нэг хэмээн олон улсад онцолж байна.

Яагаад Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайд дурдах болов гэхээр манайд туйлын хэрэгтэй нэгэн зүйл заалт тэндхийн сонгуулийн хуульд байдаг юм байна. Францын Ерөнхийлөгч болохоор нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчээс сонгуулийн өмнө байгалийн шинжлэх ухаан буюу тоо, физик, астраноми, генетик, анагаах ухааны шалгалт авдаг бөгөөд салбар салбартаа тэргүүлдэг эрдэмтэн мэргэд шалгалтын комисст ордог аж. Учиргүй тэгшитгэл тэнцэтгэл бодуулдаггүй юм гэхэд дээрх шинжлэх ухааны сүүлийн үеийн гол нээлтүүд, хувь хүний шинжлэх ухааны ерөнхий ойлголт мэдлэг, хандлага зэргийг нь дэнсэлж шинжилдэг байх нь. Зэрвэсхэн харах хүнд энэ мэдээлэл инээдтэй санагдаж мэдэх юм. Арван жилийн хүүхэд байгаа биш, их дээд сургуулийн элсэлтийн шалгалт юм уу гэж бодогдож ч мэднэ. Гэтэл үнэндээ энд төр засгийг шинжлэх ухаанаар удирдах хамгийн гол философи оршиж байгаа нь гайхалтай юм. Улс хүчирхэг, алсын хараатай, иргэд нь баян цатгалан, хүн төрөлхтний хүсэл болсон аз жаргалтай нийгэм бий болгоход шинжлэх ухааныг шүтэж, хөгжүүлж, амьдралдаа хэрэгжүүлж байх ёстой гэдгийг францчууд хэтэрхий сайн мэддэг учраас ийм шалтгалт авдаг бололтой. Мэдээж, сонгогчид нь ч шалгалтаар хэн ямар дүн авав гэдгийг анзаарч хардаг, сонголт хийхдээ нэг үзүүлэлт болгодог биз. Энэ бол тун хэрэгтэй зүйл бөгөөд Монголын бүх шатны сонгуулийн хууль болоод төрийн албаны тухай хуульд нутагшуулан суулгаж өгөлтэй санагдана. Ер нь орчин цагийн соёлт хүн төрөлхтөн төрийг шашнаас хол байлгах, шашны ямар нэгэн зүйл төрд орчих вий гэдгээс маш их болгоомжилж байна. Үүний нэг жишээ Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс авдаг дээрх шалгалтууд юм. Бидний сайн мэдэх солонгосчууд ч Ерөнхийлөгчөө удганаас зөвлөгөө авдаг байсан гэх шалтгаанаар огцруулаад шоронд хорьж орхилоо.

Гэтэл манайд бол эсрэгээрээ үйл явдал өрнөдөг. Бөө удган, үзмэрч гээд есөн шидийн фанатууд төрийн толгойд гараад ирж байна. Лам багшийнхаа хэлсэн үгнээс гардаггүй өчүүхэн сэтгэлгээтэй хүмүүс Монголын төрд олноороо гарчээ. Албан бичгийнх нь дугаар ээлтэй тоогоор төгсөөгүй байна, ажил эхлэхэд муу өдөр гэх зэрэг шалтгаанаар төрийн сайд нь ажлаа хийхгүй арц уугиулаад хэвтчихдэг. Цагаан сараар том жижиг гэлтгүй бүх дарга нар манай улс хөгжөөсэй гэж мандал өргөдөг, хишиг буян хайрлаарай гэж хээрийн уул овоо тахидаг, улсын сан хариуцсан яам нь мөнгө арвижуулахын тулд бумбаны тахилга ивээн тэтгэдэг гээд шашны мяндагтнууд төрийн толгойд гарчихав уу гэмээр үйл явдал өдөр шөнөгүй өрнөж байх юм.

Монголын төрд бөөгийн, бурхны, христийн, лалын гээд бүхий л шашны төлөөлөгчид гарч, өөр хоорондоо өрсөлдөж байгаа. Хэт шашинжсан, мухар сүсгийн төөрөгдөлд орсон дарга нар Монголыг маань яаж хөгжүүлэх вэ дээ. Ном уншуулж, уул овоо тахиснаар хөгждөг бол өнөөдөр бид дэлхийд дампуурлаа зарлах дээрээ тулчихаагүй сууж байхсан. Олон улсын валютын сангийн тусламж хөтөлбөрийг авахаар гуйж байж энэ удаа хөл дээрээ дүүжигнэж үлдлээ. Олон улсын валютын сангаас хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд төрийн үрэлгэн дэмий зардлуудаа багасга гэж шаардахад эрх баригчид ард түмнээс авах татваруудаа чинээнд нь тултал нэмэхээр зүтгэж байна. Ингээд зогссонгүй, дарга сайд нар өөрсдийнхөө тансаглах төсвийг хэдэн зуун тэрбумаар нь нэмчихсэн яваа.

Өөр бас нэг зүйлийг уншигч та анзаардаг уу. Шинээр баригдах эмнэлэг, үйлдвэр, аж үйлдвэрийн цогцолбор гээд томхон бүтээн байгуулалтын өмнө хийдэг шав тавих ёслолыг. Яг оршуулгын зан үйл мэт газар ухаж цай булж, сүү өргөөд баахан лам нар ном уншиж, хонх дамар тачигнуулдаг. Талийгаачийн оршуулга бил үү гэж андуурагдам адилхан. Иймэрхүү байдлаар шав тавьсан газар бүтээн байгуулалт өрнөж, үйлдвэр, эмнэлэг боссоныг мэдэхгүй юм. Шашны зан үйл үйлдэхийн тулд тэр хүртэл очсон олон дарга нарын машины бензин, лам нарын уншлага үйлдсэн хөлс, газар ухсан эксковаторын мөнгө гээд хий хоосон мөнгө гарлагадаад л гүйцээ. Хамгийн аймшигтай нь төрийн бүх шатанд шашны зан үйл энэ мэт давтагдсаар одоо бүр уламжлал, хэм хэмжээ, зайлшгүй байх ёстой зүйл мэт болжээ.

Байдал ийм байгаа болохоор Сонгуулийн хуульдаа нэр дэвшигчдээс байгалийн шинжлэх ухааны чиглэлээр шалгалт авдаг зүйл заалт нэммээр байна. Төрийн албаны тухай хуульд УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гишүүдээс эхлээд төрийн бүх шатны албан хаагчид шашны холбогдолтой зан үйл хийхийг хатуу хориглох тодорхой заалтууд оруулмаар байна. Ядахнаа, дэлхий бөөрөнхий, энэ дэлхийд физикийн хууль үйлчилдэг болохоос илбэ жатгын хүч үйлчилдэггүй гэсэн ойлголттой “аваргуудыг” төрд гаргамаар байх юм. Тэгэхгүй бол овоо тахиж, лүүжин тавьснаа асар их ажил хийчихсэн мэт үнэн сэтгэлээсээ итгэгсэд жинхэнэ бүтээн байгуулалт өрнүүлж, ажил хийхээ больчихоод удаж байна. Шинжлэх ухааны ололт амжилтыг соргогоор хүлээн авч ажил, амьдралдаа нэвтрүүлэн, өдөр шөнөгүй үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж, ажиллаж байж л улс орон хөгждөг, баялаг бүтээдэг гэдгийг ойлгож мэддэг хүмүүсийг дэмжиж, улс орноо удирдуулах хэрэгтэй болжээ. Ингэж төр шашныг зааглаж, шинжлэх ухааны мэдлэг, боловсролтой хүмүүсийг төрд гаргаж, тэр зүгийн салхи оруулахгүй бол Монголын төр дэх шашны нөлөө нүд халтирмаар болоод удлаа. Тун удахгүй шашин төрийг хослон баригч гэсэн нэр томьёо, албан тушаал гараад ирэх нь. Үүний нэг илрэл нь 10 дугаар богдыг тодруулах гэх асар олон сая ам.долларын хахууль, шантай энэ өвлийн хэрэг явдал юм.

“Шашин бол нийгмийг мунхруулагч хар тамхи мөн” гэж К.Маркс зүгээр ч нэг хэлээгүй бололтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт”-ийн 49 хувь одоо яг хаана явна вэ?

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалыг буцааж, 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэхээр боллоо хэмээн шинэ он гаруут баахан бужигнуулсан. “Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг худалдан авах ажиллагаа Монгол Улсын Үндсэн болон бусад хууль тогтоомж зөрчиж, УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд хууль бусаар халдаж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа гэрээний заалтыг зөрчиж хийгдсэн учраас Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 1З-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож тус үйлдвэрүүдийн 49 хувийг төрийн өмчлөлд шилжүүлж 100 хувь улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулах” гэсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гарч, чуулганаар эцэслэн баталсан нь саяхан. Энэ үеэр цээжээ дэлдсэн шударга эх орончид, ардын баатрууд олноороо тодорч “баахан булхай дээрмийг илчиллээ” хэмээн ханхалзаж байсансан. Дээрх үйл явдлаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Чуулган ч завсарлаж гишүүд сонгогдсон тойргоороо явж сонгогчидтойгоо уулзалт хийх бүртээ үүнийгээ ярьж, “Бид л “Эрдэнэт”-ийг төрд буцааж чадлаа. Би л хийчихсэн юм ш дээ” хэмээн өөрсдийгөө дөвийлгөж явна. Тэгвэл тэдний төрд буцаасан гээд байгаа “49 хувь” одоо яг хаана явна вэ. Төр бүгдийг нь авчихсан уу. Оросууд буцаагаад авчихав уу. Худалдаа хөгжлийн банкиндаа хэвээрээ байгаа юу?

Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон УИХ-ын тогтоол Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гээд Цэцэд хандаад байгаа тухай бүдэгхэн тайлбар хийх л байх. Үүнээс өөрөөр, “Эрдэнэт”-ийн 49 хувь хаана, хэний мэдэлд байгааг тод томруун, нарийн тодорхой тайлбарлаад өгчих хүн дарга даамлуудын дунд байна уу?

“Эрдэнэт”-тэй холбоотой асуудал нэг л таг чиг, ажин түжин болчихсон болохоор 49 хувь дээр дахин хуваарилалт хийх гэж байгаа болов уу гэсэн таамаг бас хардлага байна. “Эрдэнэт”-ийг 100 хувьд төрд авах УИХ-ын тогтоол батлагдсан ч хэзээ, хэн хэрэгжүүлэх юм гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийн төлбөрийг хийж байх үед Монголбанкнаас 200 гаруй тэрбум төгрөг гаргасан гэдэг. Энэ мөнгөө л одоо дарга нар хувааж юмгүй хоосон үлдсэн гомдогсод хөлжиж буй байх. Энэ даргад тэдэн хувийг нь, тэр даргад төдөн төгрөг гээд тооны машин дээр хуваагаад сууж байгаа байлгүй. Манай дарга нар өнгөн дээрээ олон түмэнд хайртай дүр эсгэж, нүд хуурдаг ч хэзээ байтлаа ард түмнээ боддог байлаа. Одоогийн энэ хуваарилалт ч энгийн иргэдэд падлийгүй, амьдралд нь нэмэр болж наалдах юм огт байхгүй. Төрийн мэдэлд 100 хувь очлоо гэсэн “Эрдэнэт”-ийн хэдэн хувь нь одоо төрдөө үлдэж байгаа бол.

Зах зээлд шилжээд бид “Төр хамгийн муу менежер. Том том үйлдвэрүүдийг төрийн мэдлээс хувьд гаргах ёстой” гэдэг өгүүлбэрийг хамгийн сайн цээжилжээ. Нэг ёсондоо тархиа дэвттэл угаалгасан гэлтэй. Эдийн засгийн хөгжил, хүн амын тоо зэргээрээ дэлхийн тэргүүлэх орнуудын нэг Хятад, газар нутаг, хүн ам жижиг ч богино хугацаанд үсрэнгүй хөгжиж чадсан гэдэг Сингапур зэрэг улсад том том голлох үйлдвэрүүд нь төрийн мэдэлд байдаг. Том үйлдвэрүүд том мөнгө олж төрдөө шилжүүлдэг. Төр мөнгөтэй болохоороо ард иргэддээ зориулж сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьдаг ийм л тогтолцоо байна. Манайд л болохоор төрийн үйлдвэрүүдийг ашиггүй ажиллуулаад байдаг, бүүр тийм байх онол номтой гээд итгэчихсэн, очсон хүмүүс нь идэж ууна гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байдаг. Гэтэл амьдрал дээр тийм байдаггүй олон жишээ бий. Манайд төрийн өмчит зуу шахуу компани байдгаас гучаад хувь нь ашигтай ажилладаг гэсэн баримт байна. Үүний магнайд “Эрдэнэт”, “Улаанбаатар” төмөр зам, Иргэний нисэхийн ерөнхий газар бичигддэг.

Цаашид төрийн өмчит үйлдвэрээс идсэн уусан нөхдийг төр нь шийтгэж, төрөөс хулгай хийж байгаа хүмүүсийг шоронд хийж, шударга хүмүүсээ ажиллуулж, хяналтаа сайн тавихад болох биш үү. Төр үүнээс өөр юу хийх билээ. Чухам ийм зүйлийг л зохицуулж хийх гэж төр оршин байдаг. Энэ үндсэн ажлаа төр юуны учир умартан, төрөөс тэрбумтнууд төрсөөр байна вэ?

Нийгэмд хэсэгхэн хүн баяжаад, тэд улс орон, ард түмнийхээ төлөө ажиллана гэж байдаггүй. Тэд ард иргэддээ жигтэйхэн санаа зовж сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьдаг бил үү. Барьсан ч жаахан мөнгийг нь шулж, өөрсдөдөө ашиг орлого нэмэх бизнес хэлбэрээр санал болгодог. Цулайтлаа хөрөнгөжсөн хүмүүс ноолойж ядарсан иргэддээ эмнэлэг барьж өглөө гэж биш Номхон далайн эрэг дээр хаус худалдан авчээ гэж дуулддаг. Монголын хахир хатуу өвөл, шороогоор нүдсэн хаврыг далайн эрэг дээр жаргалтай нь аргагүй тарвалзаж өнгөрүүлдэг тэдэнд ард олны амьдрал ямар ч хамаагүй юм.

Энэ мэт олон учир шалтгаанаас үүдэн бодоход “Эрдэнэт”-д төрийн хувь хувьцаа их болох, 100 хувь төрд очиход айгаад, шаналаад байх юм алга. “Эрдэнэт” төрийн мэдэлд очоод шахааны бизнес цэцэглэдэг гэж айлгацгаадаг. Шахааны бизнес байдаг нь бодитой ч бас л хэрээс хэтрүүлсэн тархи угаалт шиг санагддаг. Шахааны бизнес л хамаг мөнгийг нь хуу хамаад авчихдаг мэтээр нийтэд ойлгуулдаг. Үнэндээ олон сая доллараар хэмжигдэх ашигтай энэ үйлдвэрийн ашиг орлогын дэргэд нэг сая долларын шахаа юу ч биш юм.

Төр том том үйлдвэрүүдээ мэдэлдээ байлгадаг, хүчтэй, мөнгөтэй, хүн амын дийлэнх нь дундаж давхаргад хамрагддаг ийм нийгэм л Монголын дархлаа болж чадна. Ийм нийгэмтэй байж л монголчууд сайхан амьдарна. Зах зээлд шилжсэнээс хойш 20 жил дарга нар ингэж ярьж байгаа ч бүтэж байгаа юм алга.

Дахин сануулахад, “Эрдэнэт”-ийн 49 хувь яг одоо хаана явна вэ? УИХын гишүүд “Эрдэнэт”-ийг 100 хувь төрийн мэдэлд авлаа гэсэн жүжиг тавьсан юм биш байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ардчилсан нам улс төрийн шинэчлэл хийж чадлаа

Ардчилсан намын даргын сонгууль орон даяар болж өнгөрлөө. Сонгуулийн сунгааны өмнөхөн энэ нам гишүүдийнхээ бүртгэлийг шинэчлэн цэгцэлж янзалсан юм. Намын даргад нэр дэвшигч таван хүн 40 хоногийн турш хамтдаа хот хөдөөгүй уулзалт ярилцлагаа хийж, гишүүддээ мөрийн хөтөлбөрөө танилцуулсан билээ. Эцэст нь хэнийг намын даргаар сонгохоо гишүүдээсээ асуухад С.Эрдэнэд намынхан нь итгэл хүлээлгэн саналаа өгчээ. Өчигдөр сонгуулийн дүнг албан ёсоор зарлаж түүнийг 2928,92 оноогоор тасархай түрүүллээ хэмээн баталгаажууллаа. Удахгүй болох Ардчилсан намын их хурлаар түүнийг албан ёсоор намын даргаар батламжлах юм. Энэ үйл явдалтай зэрэгцээд намын даргын сонгуулийг луйвардсан, мөнгө тараасан гэх мэт үг яриа гарч байна. Өөрөөр хэлбэл, ялагдсан хүмүүсийн улс төр эхлэх нь бололтой. Иймэрхүү хэл амыг даруйхан ойлголцож дарахгүй бол Ардчилсан намын эрх ашигт хор нөлөө ихтэй, хожмын ажилд нь сөрөг үр дагавартай байдаг. Эв түнжин муутай, ойлголцохгүй үедээ хэн нэгэн гомдогч намаасаа гарч шинэ нам байгуулаад явж байсан түүх олон. Тийм нам хэсэгхэн хугацаанд олны анхааралд өртөөд, дахин нэр нь ч сонсогдохгүй алга болдог. Намаас гарч нам байгуулбал хэн ч биш, хүчгүй, сул дорой байдаг гэдгийг эдний намынхан яс махандаа шингэтэл мэдэрсэн хүмүүс. Ийм зовлонг туулсан хэн ч хэл ам, хэрүүл заргаар далимдуулан намаа салган, хоёр хувааж зүрхлэхгүй. Тиймээс үүсээд буй элдэв хэрүүл заргаа ойлголцож, ярилцаад зогсоох хэрэгтэй.

Өнөөдөр С.Эрдэнэ шиг луйварчин байхгүй гэж муулж байна. Шударга бусаар өрсөлдлөө л гэнэ. Ямар ч зүйл хий хоосноос бий болдоггүй, бодит уг үндэстэй байдаг. Яаж ч луйвардсан, мөнгө тараасан гэсэн хамгийн өндөр оноо авсан гэдэг нь бодитой зүйл. Өөрөөр хэлбэл, олон хүн түүний төлөө саналаа өгсөн нь үнэн юм. С.Эрдэнэ 1996 онд Баянгол дүүргийн Засаг дарга болсноос хойш энэ дүүрэгтэй нэр нь холбоотой явдаг хүн. Дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, дүүргийн Ардчилсан намын дарга гээд 20 гаруй жил зүтгэхдээ яаж ажиллаж, юу хийснийг намынхан нь харж л байгаа. Намдаа яг ингэж зүтгэх юм байна, намдаа ажиллаж, ялалт авчрах юм байна гэсэн итгэлээр гишүүд нь сонголтоо хийгээ байлгүй.
С.Эрдэнийн дараа хамгийн өндөр санал авсан хүн Н.Алтанхуягийг намын генсек болгох хэрэгтэй гэж зарим улстөрчид үзэж байна. Энэ тун зөв бодлого юм. Хамгийн өндөр хувийн санал авсан хүнээ намын дарга, дараагийнхыг нь намын ерөнхий нарийн бичгийн дарга болгодог туршлага улс төрд бэлээхэн бий. Хуучин нэрээр МАХН буюу одоогийн МАН 1996 онд сонгуульд анх удаа ялагдсаныхаа дараа удирдлагадаа хариуцлага тооцож, намын шинэчлэл хийх, шинэ даргаа сонгох ажил эхлүүлсэн байдаг. Намын даргад Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Баяр нар ил далд өрсөлдсөн гэдэг. Мэдээж, нэр хүнд зангаргаараа Н.Багабанди намын дарга болсон бөгөөд ерөнхий нарийн бичгийн даргаараа С.Баярыг авах сонирхолтой байжээ. Гэтэл үүнээс аль өмнө П.Жасрай, Ц.Гомбосүрэн зэрэг намын нэр нөлөө бүхий томчуудын идэвх зүтгэлээр намын бага хурал дээрээ Н.Энхбаярыг ерөнхий нарийн бичгийн даргаар тавьсан байдаг. “Шинэ залуу үеийн хүчтэй төлөөлөл, ийм нэр нөлөө бүхий залууг генсекээрээ тавихгүй бол нам залуусаа алдаж мэднэ. Бүр нам хуваагдах аюултай” гэх зэрэг хүчтэй ухуулга, ятгалгын үр дүнд Н.Энхбаяр МАХН (хуучнаар)ын генсек болсон учиртай. Энэ нь ч тухайн үедээ намдаа тун хэрэгтэй шийдвэр байжээ. Яг үүн шиг С.Эрдэнэ одоо хувийн амбицаа дарж, Н.Алтанхуягийг ерөнхий нарийн бичгийн даргаараа тавих хэрэгтэй. Ардчилсан намын нэр нүүр болсон Э.БатҮүл, Р.Гончигдорж, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг гээд хариуцлага үүрэх гишүүд нь шахалт үзүүлж, Н.Алтанхуягийг генсек болох ажил өрнүүлэх хэрэгтэй байна. Намын даргын сунгаанд хамгийн өндөр санал авсан хоёр хүн намаа төвөггүйхэн удирдаад аваад явах нь ойлгомжтой. Яваандаа Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягаа сойвол, хөдөө хотгүй хөл сайтай, нэр хүндтэй гэдэг нь саяын сунгаагаар харагдлаа.
Ардчилсан намын даргын сонгуулиар нэг зүйл тод ажиглагдлаа. Сайхан ярьдаг, хэт популист хүмүүсээс ард түмэн уйджээ. Нэг их шударга ёс, ардчилал ярьсан хоосон цэцэрхэгчид моодноос гарч байна. Сайн ч, муу ч ажил хийдэг, хэлсэн ярьсан, хийсэн ажил нь баримт нотолгоотой тийм хүмүүст сонгогчид итгэл найдвараа өгч байна. Яаж ч мууллаа гэсэн С.Эрдэнийн хийсэн ажлын нотолгоо дүүрэгт нь бэлээхэн харагдаж байна. Ажил хийх юм байна гэсэн ойлголт гишүүдэд нь төрсөн болохоор түүнийг намын дарга болгохоор сонгожээ гэж харагдаж байна. Бас нэг том зүйл бий. Нам дамнасан том бүлэглэл гэж их ярьдаг. Ийм бүлэглэлийн эсрэг ажиллаж чадна гэж намынхан нь үзсэн бололтой.
Сонгуулийн дараа үүсдэг хэл ам гардгаараа гарч л байна. Хаана ч, хэзээ ч ийм хэрүүл зарга тасардаггүй юм. Өнөөдрийн байдлаар сонгуульд ялагчийг мөнгө тараасан гэж шүүмжилж байгаа. Мөнгө тараасныг нь зөв гэхгүй ч ажиллаж байгаа хүмүүстээ хоёр цувдайны мөнгө өгчих нь амьдралд хамаагүй ойр, хоосон шударга ёс ярьснаас хавьгүй нүнжигтэй мэт харагддаг. За тэгээд, мөнгийг нь авсан хүнийхээ төлөө саналаа өгдөг хүн хэр олон байдаг билээ. Таны төлөө саналаа өгнө гэж мөнгийг нь авчихаад өөр хүнд санал өгчихөд хэн ч мэддэггүй гээ биз дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хууль хэмээх “гууль” санаачлагчид дампуурах өнгөндөө оржээ

Хууль завхарч, үнэ цэнэ утга учраа алдахыг “хууль гууль болжээ” гэдэг. Сүүлийн жилүүдэд Монголын хууль гууль болоод завхарч гүйцсэн. Учир нь “гууль” панзлагчид хэтэрхий олширч, захын нэгэн өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн эсвэл таалагдаагүй нэгнийхээ эсрэг хууль санаачлаад гүйдэг болсноос нийгмийн олон талт харилцааг зохицуулах ёстой хуулийн үндсэн мөн чанар алдагдахад хүрээд байгаа. Хуулийг “гууль” болгогчдын жишээ захаас аваад хөвөрнө.

Жишээ 1. УИХ-ын нэр бүхий нэгэн гишүүн мөр зэрэгцэн суудаг эмэгтэй гишүүнтэйгээ муудалцсаныхаа дараа төрд өндөр алба хашдаг хүмүүсийг гадаад эхнэр, нөхөртэй байхыг хориглосон хуулийн төсөл санаачлаад явж байсан нь тун саяхны үйл явдал.

Жишээ 2. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлан гаргах болсон шалтгаан бас л хувь хүний жижиг эрх ашгаас үүдэлтэй. Тухайн үеийн УИХ-ын нэгэн гишүүн долоо хоногийн нэг өдөр “Өдрийн сонин” дээр “Баабар ингэж өгүүлэв” гэдэг шиг нүүр тогтмол хөтөлж, өөрийн нийтлэлээ тавьж байх хүсэлт гаргажээ. “Баабар шиг сэтгэж, бичиж чадах юм уу” гэсэн хариулт авсныхаа төлөө Хэвлэлийн эрх чөлөөний хуульд “эзэн редакцийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон” заалт оруулж, бараг л батлах дөхсөн. Энгийнээр хэлбэл, компанийн үйл ажиллагаанд захирлыг нь оролцуулахыг хуулиар хориглох дөхсөн гэсэн үг.

Жишээ 3. Насаараа түрээс төлж, наймаа хийдэг байсан ээжийнхээ түрээсийг төлүүлэхгүй гэж Түрээсийн хууль өргөн бариад явж байсан гишүүн ч бий.

Жишээ 4. Тамхины хяналтын хууль батлагдахын өмнө тамхи импортлогч болон дотоодын тамхи үйлдвэрлэгч компаниудын маш том лобби ажилласан гэдэг. Хэдийгээр тамхины хэрэглээг хязгаарлах, хүн амын эрүүл мэндэд тустай хууль батлагдсан ч үүний цаана бас л чамгүй их мөнгөний тоо сонсогддог.

Жишээ 5. Буруу талдаа жолоотой машиныг замын хөдөлгөөнөөс хасах тухай байн байн сөхөгдөж, хууль батлуулах түвшинд хүртэл өндөрт яригддаг. Буруу рультэй машинаас болж л замын ослууд гардаг гэсэн тайлбарын цаана зөв рультэй машин импортлогчдын эрх ашиг байдаг.

Бидний мэддэг энгийн иймэрхүү жишээ олоон олон. Мэдэхгүй жишээ ч олон. Тухайлбал, үйлдвэр, уул уурхай, ашигт малтмал зэрэг томхон төслүүдийг зохицуулах хуулийг өөрсдөдөө ашигтай батлуулахын тулд зүрх савламаар их мөнгө зарцуулсан тухай сонсогддог. Хууль хэрэгжиж эхлэхээр авлигад өгсөн тэр их мөнгө хэд дахин өсч эздэдээ буцаад ирдэг. Ямар хууль захиалаад, яаж ашиг олохыг нь бид ухаж ойлгоход бэрх, төсөөлж ч чадахгүй. Сүүлдээ бүр цагаандаа гарч Монгол орныг, Монголын төр засгийг ингэж увайгүйгээр шулсан хууль баталж, тэрбум тэрбумаар нь мөнгө хийх нь УИХ-ын гишүүдийн хийдэг үндсэн ажил болж хувирсан. Юун эх орон, ард түмнийхээ төлөө хууль санаачлах манатай завгүй ажилтай болсон. Үүний тод жишээ бол Богд уулын ар, Туулын хөвөөгөөр байх том том эдлэн газрууд, тансаг барилгууд юм. Ямар ч үйлдвэр үйлчилгээ эрхэлдэггүй, бизнес хийдэггүй гишүүд гэнэт л ийм их хөрөнгөтэй, бэл чинээтэй болсон нь бусдын захиалгаар хууль баталж өгсний шан харамж нь юм. Монголын төрийг барьж байгаа хэдэн хүн ингэж, хуулийг “гууль” болгосны төлөөсөнд нийгэмд шударга бус байдал тогтож, ядуурал гэх бороохой ард түмний нурууг бөхийтөл нүдэж байна. Өнгөтэй мөнгөтэй хүмүүс өөрийн хүслээрээ хууль өөрчилж, яаж л бол яаж дураараа дургих нөхцөл бий болжээ. Тэдний хэлдэг үг нь “би хуулиараа ажиллаж байгаа” гэдэг. Яг үнэн үг л дээ, уг нь. Өөрсдөдөө зориулж гаргасан хуулиараа ажиллаж, ашиг олж, амьдарч байгаа болохоор тэднийг гэмт хэрэгтэн гэж хэлж хэн ч чадахгүй. Боломж ч байхгүй. Монголын төрийн сүүлийн 25 жилийн гажуудал, нийгмийн ядуурал, шударга бус байдал иймэрхүү захиалгын хуулиас шууд хамааралтай гэж учир мэдэх хүмүүс хэлдэг юм.

2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хууль тогтоомжийн тухай хууль энэхүү захиалгын хууль баталж, мөнгө хийдэг тогтолцоог үгүй хийх ач холбогдолтой гэж судлаачид хэлж байна. Үнэхээр зөв хууль хэрэгжиж эхэлсэн гэдэг нь он гарахаас өмнө амжиж 34 хуулийн төсөл өргөн барьснаар батлагдаж байна. Заримыг нь бүр 2016 оны арванхоёрдугаар сарын 27 буюу ажлын сүүлийн өдрүүдэд амжиж өргөн барьсан байгаа юм. Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө өрсөж лоббины хуулиа оруулж ирж байна гэсэн үг.

Хууль тогтоомжийн тухай хуульд хуулийг “гууль” болгохын эсрэг олон зөв зүйтэй зүйл заалтууд орсон байна. Жишээ нь, дээрх хуулийн нийтлэг зарчимд өргөн барьж байгаа хуулийн төслүүд ил тод, нээлттэй байна гэж заажээ. Мөн олон нийтийн оролцоог хангах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байна гэж заасан байна. Үүгээр өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн, судалгаа шинжилгээ хийлгүй хуулийн төсөл барьж гүйдэг нөхдүүдэд хязгаар тавьж өгч байна. Мөн нэг л мэдэхэд нэг шинэ хууль батлагддаг нууцлагдмал байдлыг өөрчлөх юм.

Шинэ хуульд зааснаар хууль санаачлагч нь хуулийн төсөл боловсруулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцэх эсэхийг судалж, дүгнэх, хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд үзүүлэх үр нөлөөг урьдчилан тооцох, тухайн асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй хувилбарыг тодорхойлох судалгааг заавал хийсэн байхаар заажээ. Ингэснээр хууль батлагдсаны дараа үүсч болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагаврыг яаж шийдвэрлэх саналаа тусгана гэжээ. Мөн Хуулийн төсөл боловсруулахдаа бусад хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, тэдгээрийг дагаж гарах шийдвэрийн төслийг хамт боловсруулж, тооцоо, судалгаа хийсэн байна гэж оруулж өгсөн байна. Хуулийн 17 дугаар зүйлд хуулийн төслийг боловсруулахдаа хууль тогтоомжийн төслийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулийг батлан хэрэгжүүлснээр үүсэж болзошгүй, урьдчилан тооцоогүй үр дагаврыг тодорхойлно гэж заасан байна. 18 дугаар зүйлд Хууль баталснаар тухайн хууль үйлчлэх хүрээнд хамрагдах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үүсэх зардлын тооцоог тухай бүр гаргаж, зардал, үр өгөөжийн харьцааг тодорхойлно гэжээ.

Энэ нь сэтгэлийн хөөрлөөр эсвэл хэн нэгний захиалгаар хууль санаачлах байдлыг арилгах сайн талтай бөгөөд ултай суурьтай, бусад хууль тогтоомжуудтайгаа уялдсан сайн хууль гаргах үндсэн суурь болж өгч байна. Мөн хуулийн сөрөг үр дагавруудыг нь давхар гаргаж ирэх төдийгүй зардал мөнгөний судалгааг ч хийх юм.

Шинэ хуулиар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн санаачилсан хууль тогтоомжийн төслөө санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлнэ. Засгийн газар санаачлах хуулийн төслөө үндсэн чиглэлдээ багтаан оруулж, УИХ-аар батлуулна хэмээн тодотгон заажээ.

Манайхан нэг хуулийг хэдэн ч янзаар тайлбарлаж чаддаг. Үүнийг үгүй хийх заалт орсон нь “Хуулийн төслийн үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих, хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байх” юм.

Мөн “Хууль санаачлагч хууль тогтоомжийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг өөрийн төсвөөс санхүүжүүлнэ. Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг хууль тогтоох үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх зорилгогүйгээр ашгийн бус байгууллага санхүүжүүлж болно” гэж заажээ.

Ийнхүү олон зөв зүйтэй зүйл заалт бүхий Хууль тогтоомжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн харилцааг зохицуулагч хуулийн чанар сайжирч, монгол төрийн дархлаа сайжрах нь дамжиггүй юм. Түүгээр ч барахгүй өмнөх хэт лоббины гэгдэх хууль тогтоомжийг сайжруулан өөрчлөх сайн талтай юм. Хамгийн гол нь хууль хэмээх “гууль” санаачлагчид энэ оноос эхлэн дампуурах өнгөндөө орлоо.