Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Өрхийн орлогод нийцсэн барилга барина гэвэл амбаар л барих байх

– ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НАЙДВАРТАЙ, ХҮРЭЛЦЭЭТЭЙ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Эрэл” группын ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатарын утааг арилгах, хөрсний бохирдлыг багасгах, ажлын байр бий болгох олон шийдлийг санал болгож байна.


-Танай “Байшин үйлдвэрлэх комбинат” сүүлийн үед хийсэн хамгийн том бүтээн байгуулалт болж байна. Та хэзээ энэ комбинатыг аваад, хэдийд нь технологийг нь шинэчилчихэв ээ?

-Байшин үйлдвэрлэх комбинат бол социализмын үед бидний амьдарч байгаа энэ хотыг барьсан үйлдвэр юм. 120 мянгат, 220 мянгат, төмөр замын саарал таван давхрууд, Сансарын таван давхар саарал байруудыг бүх үйлчилгээний төвтэй нь барьсан. Улаанбаатарын бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг манай үйлдвэрийнх. 1970-аад оны төгсгөлөөр технологи нь шинэчлэгдэн гурав, дөрөв, 13 гээд хотын бүх байшин хорооллыг барьж байгуулсан. 1990 онд одоогийн Соёлын төв өргөөг бариад оросууд буцсан юм. 1994 онд бид дуудлага худалдаагаар энэ үйлдвэрийг авснаас хойш 23 жил болж байна. Өнөөдөр бид Германы хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, технологиор үйлдвэрээ шинэчиллээ. Ингэснээр Улаанбаатар хотдоо шинэ үеийн хорооллыг цогцоор нь барих боломжийг нээж байна. Дэлхий нийтээр хүн төрөлхтний барьж байгаа хамгийн сүүлийн үеийн технологи, архитектор, дизайнеруудын хийдэг бүх барилгыг барих боломжтой үйлдвэр.

Яг манайх шиг үйлдвэр Францад 115 метр өндөр цамхаг барьсан байна. Франкфуртын төмөр замын терминал, Герман, Хойд Америк, Энэтхэг гээд улс орнуудад бүх төрлийн барилгыг ийм үйлдвэрийн хийцээр барьж байна.

-Танайх Хөгжлийн банкнаас зээл авсан. Гэтэл өнгөрсөн жилээс цагдаа хүчний байгууллагаас танайхыг шалгаж эхэлсэн. Технологийн шинэчлэлийн бүх санхүүжилтээ Хөгжлийн банкнаас авсан уу?

-2013 онд Монгол Улсын Засгийн газар Чингис бонд гаргасан. Тэгээд урт хугацаатай хүү багатай зээлийг Хөгжлийн банкаар дамжуулж өгнө, та нар техник технологио шинэчилж, бүтээн байгуулалтад оролц гэж биднийг урьсан. “Улаанбаатар хотын 200 мянган гэр хорооллыг барилгажуул, танай үйлдвэр бол өнгөрсөн зууны Улаанбаатарыг тэр чигт нь барьсан. Одоо үйлдвэрээ шинэчилж, орчин үеийн хороолол, хот тосгон барь” гэсэн сайхан санал тавьсан. Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилгын яам, хотын захиргаанаас 2013 онд биднийг урьж зөвлөгөөн хийсэн. Тэр дагуу хийсэн бидний төсөл Барилгын яамнаас батлагдаж, УИХ-ын Бондын зөвлөлөөр орж шалгарсан. Дараа нь Засгийн газрын 180 дугаар тогтоолоор Байшин үйлдвэрлэлийн комбинатыг шинэчлэхэд зориулж Чингис бондын мөнгөнөөс 14 сая доллар хуваарилагдсан юм.

Одоо бидний зогсож байгаа энэ үйлдвэр бол 140 сая ам.долларын үнэтэй. Бүр шинээр байшингаа барьж үйлдвэрээ босгоё гэвэл 250-300 сая ам.доллар шаардах байсан. Яагаад хямд байгаа юм гэхээр хуучин барилга байшин, дэд бүтэц, төмөр зам, цахилгаан, дулаан, бүх шугам сүлжээ нь байсан учраас хямд босч байгаа юм.

Бид үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтын 10 хувийг нь Хөгжлийн банкнаас зээлж авсан. Гэтэл үйлдвэрээ ч барьж дуусаагүй байхад бондын мөнгө аваад идчихэж, банкны мөнгө аваад зугатлаа гээд шүүх цагдаагаар өнгөрсөн зунжингаа шалгууллаа. Гэр орныг маань хүртэл нэгжлээ. Манай туслахыг хүртэл аваачиж хорьсон.

Улс орных нь эдийн засаг хямралтай, зээлжих зэрэглэл буурсан орны хувийн компанийн захирал гадаадад очоод яаж зээл олох вэ. 126 сая доллар би хаанаас олох вэ. Тийм байхад танил тал гээд бүхий л арга чаргаа ашиглаж, тэр мөнгийг олж үйлдвэрээ бариад дуусгаж байхад 14 сая ам.доллар авч алга боллоо гээд шалгаад эхэлсэн. Одоо ч шалгаж байна.

-Байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орлоо. Байрны үнэ буурах байх гэсэн хүлээлт олон нийтэд байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Бид хамгийн орчин үеийн, чанартай, бат бөх, галд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц барихад нэг метр квадрат нь нэг сая хоёр зуун мянган төгрөгийн өртөгтэй байна. Одоо арай гайгүй чанартай гэгдэж байгаа байрны үнэ ямар байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

-Та үйлдвэрийнхээ талаар товч танилцуулаач. Сайн барилгыг хямд өртөгөөр барина гэхээр хүмүүс сонирхож байгаа байх?

-Үйлдвэр маань нийтдээ 20 га газарт байрлаж байна. 12 салаа төмөр замтай учраас түүхий эд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад болон дотоодын бүх хот тосгон руу түгээх боломжтой. Олон улсын болон улсын чанартай авто замтай шууд холбоотой ложистикийн тээврийн маш сайхан сүлжээтэй. Үйлдвэрийн үндсэн таван шат дамжлагаар барилгын бүх төрлийн хийц эдлэлийг үйлдвэрлэнэ. Үүнээс гадна дагалдах олон цех үйлдвэрүүдтэй. Цемент, элс хайргаа 24 цагаар гурван сар тасралтгүй ажиллахад хүрэлцэхээр нөөцлөх хэмжээний агуулах савтай.

Барилгын материалуудаас бетон зуурмаг хамгийн чанартай байх ёстой. Гэтэл манай одоогийн баригдаж байгаа барилгууд зуурмагийн үйлдвэрээс бетон зуурмагаа авч байгаа. Ямар гарал үүсэлтэй элс хайрга, цементээр хийсэн гэдэг нь тодорхой биш. Элс хайрга болгон барилга барьж зам тавихад тохирдоггүй. Бид бүх түүхий эдээ лабораториор хянаж үйлдвэртээ авдаг. Элс хайрга, арматур, цемент гээд бүгдийг нь дотоодын үйлдвэрээс түүхий эдээ авна. Хамгийн чанартай, галд тэсвэртэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюулгүй байдлыг хангасан барилгын хийц эдлэлийг хийж байна.

Дотоодын 4000 гаруй барилга угсралтын компанид 100-гаад мянган хүн ажилладаг. Тэднийг бид хамгийн орчин үеийн барилга угсралтын хийцээр хангана. Зуны зургаан сар ажиллаад өвөлд нь зогсдог биш, өвөл зунгүй барилга барих боломж нээж байгаа. Бидний үйлдвэрлэсэн хийцээр шууд л лего тоглоом шиг байшин өрөөд барих юм.

-Тухайлбал, нэг байшинг хэдий хугацаанд барина гэсэн үг вэ?

-100 хүүхдийн суудалтай цэцэрлэгийн барилгыг иж бүрнээр нь 14 хоногт угсарна. Харин амины орон сууц гэвэл нэг айлыг 60м2 буюу ойролцоогоор 8\8 хэмжээтэй байшин барилаа гэж бодъё. Ийм хэмжээтэй гурван өрөө хувийн байшин хашаандаа барилаа гэхэд нэг хоногт 12 айлын байшин барьж өгч чадна.

-Хувийн орон сууц ч ялгаагүй адил үнэтэй юу?

-Галд тэсвэртэй, 100-гаас доошгүй жилийн насжилттай, өндөр чанартай ийм байшинг нэг метр квадратыг нь 1200 000 төгрөгөөр барих боломжтой. Үүнээс доош үнээр барих боломж байхгүй. Үнэ буувал чанар буурна. Дулаан алдах, цана цохих гэх мэт өнөө л асуудлууд дагалдана гэсэн үг. Манай төр засаг өрхийн орлогод нийцсэн байр барина гээд байдаг.

Манайх дунджаар 800-900 мянган төгрөгийн цалинтай. Түүнд тохирсон барилга гэвэл амбаар л барина. Арван жилийн дараа буцааж нураах, эсвэл байгааг нь шавардаж додомдох л байх. Бас дулаалга гэж яриад байгаа. Энэ бол арга ядсан хэрэг. Нэгэнт олон улсын стандартын ийм сайхан үйлдвэр үйл ажиллагаагаа эхэлж байхад дулаалга яриад сууж болохгүй. Бид гарч байгаа хийж байгаа эдлэл бүртээ чанарын сертификат олгоно. Жишээ нь, бидний барьсан сургууль 50 жилийн дараа найман баллын газар хөдлөлтөд ямар нэгэн гэмтэл гарвал бид хариуцлагыг нь хүлээнэ.

-Хариуцлага үнэхээр чухал. Улаанбаатарт баригдаж байгаа энэ олон барилгуудынхаа чанарт хариуцлага хүлээнэ гэсэн компани нэг ч байдаггүй…?

-Барилга барина гэдэг хүний амь яригддаг хамгийн хариуцлагатай ажил. Дэлхийн стандарт бол 100-гаас доошгүй жилийн насжилттай, чанартай барилгыг манайх шиг үйлдвэрээр хийцийг нь хийж, ард түмэндээ байшин барьж өгдөг. Манайд Барилгын тухай хууль байдаг ч үйлдвэр нь байхгүй учраас төдийлөн мөрддөггүй. Түүхий эд, хийцээ хаанаас авдаг, хэр чанартай, хэдэн жилийн баталгаатай эсэх нь ч тодорхойгүй байгаа. Энэ бол хамгийн аюултай. 1990 оноос хойш Улаанбаатарт баригдаж байгаа барилгууд бүгд айдастай байдаг. Бүгд л битгий газар хөдлөөсэй гэж залбирч байгаа.

Эрээнд Монголд зориулсан цементийн зургаан үйлдвэр байна гэдэг. Энэ нь Улааны цементийг Эрээний үнстэй холиод манайд авчирч зардаг. 30-40 хувь нь үнс. Үнэ багатай болохоор нь манайхан тэрнээс авч, дурын цементийн үйлдвэр зуураад барилгын компаниудад нийлүүлж байна. Ингэхээр барилгын багана, дам нуруу зэрэг нь хэр чанартай вэ гэдэг нь харагдана. Эрээнд дөрвөн төрлийн арматурын үйлдвэр байна. Харахад арматур боловч хаягдал зэвтэй төмрийг хайлаад л шууд арматур хийдэг. Улааны цемент, Бугатын төмрийн үйлдвэрийн дарга нар нь сая Монголд ирсэн. Хэрвээ манай Бугат, Улааны үйлдвэртэй гэрээ хийж, хашаанаас нь цемент, арматур аваагүй бол бид хариуцлага хүлээхгүй. Яагаад гэхээр Улааны болон Бугатын үйлдэрийн сертификат Хятадаар дүүрэн, худалдаж байдаг гэж анхааруулсан. Тийм чанаргүй түүхий эд орж ирэх вий гэдгийг бид эндээ хамгийн орчин үеийн лаботаториор хянаж байж үйлдвэртээ нэвтрүүлнэ.

-Өндөр хүчин чадалтай үйлдвэрээ нээчихлээ. Захиалга ирж байна уу. Эхний барилгаа хэзээ барих билээ?

-Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-нд үйлдвэрээ нээсэн. Үйл ажиллагаа маань эхэлж л байна. Гэхдээ бид өнгөрсөн зун хоёр газар өгөөч гэж хүссэн юм. Үйлдвэрийн нээлт өвөл болох гээд байна. Тиймээс өвөл сургууль, цэцэрлэг яаж хэдхэн хоногт барьдгийг харуулъя. Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө газар өгвөл би сууриа хийгээд бэлдчихье. Үйлдвэр ашиглалтад орохоор би баруун Европын стандартаар манай цаг уурын орчинд нутагшсан, газар хөдлөлтөд тэсвэртэй тохилог сургууль, цэцэрлэг барья гэж санал тавьсан. Харамсалтай нь, газар олдоогүй.

Бид зөвхөн сургууль, цэцэрлэг, нийтийн болон амины орон сууц барих хэмжээний үйлдвэр нээсэн биш юм. Энэ бол иж бүрэн хот тосгон барих хэмжээний хүчин чадалтай. Баруун Европ болон дэлхийд хот тосгоныг барьдаг стандарт байна.

Автозамын сүлжээ, туслах замууд, үйлчилгээний төв, сургууль, цэцэрлэг, соёл олон нийтийн төв, эмнэлэг, цэцэрлэгжүүлэлт гээд иж бүрнээр нь барьдаг болсон. Хамгийн гол нь хүндээ зориулж барьдаг. Би хамгийн тав тухтай, амар амгалан, аюулгүй сайхан орчинд Монголын ард түмэн амьдраасай гэж хүсч байна.

-Маш сайхан үйлдвэр бэлэн болжээ. Мэдээж, төрийн зүгээс хүсэх дэмжлэг байгаа байх. Яавал таны яриад байгаа шиг чанартай, тав тухтай, хямд хорооллуудыг бий болгох вэ. Танд ямар дэмжлэг хамгийн чухал байна вэ?

-Дэмжлэг гэхээсээ илүү хамтын ажиллагаа юм л даа. Үндсэн гурван зүйл байна. Нэг нь, гэр хорооллоо хамтарч чөлөөлөх. Утаа гаргаад, жорлон бариад сууж байгаа хүмүүс би энэ янзаараа байна гээд суухгүй нь ойлгомжтой. Тэр хүний газар, хувийн байшинд нь тохирох хэмжээний байрыг үнэ төлбөргүй өгөхөөр сайн тогтоож өгөх хэрэгтэй. Бодит байдал дээр хашаандаа байгаа жижиг байшин бүрээ 100 сая гэж үнэрхээд, гэрт байгаа хүнийхээ тоогоор байр нэхээд байвал байдал энэ хэвээрээ л байна. Хэн ч тэнд байр барихгүй. Газар чөлөөлөлт бол их хүнд асуудал учраас би эхлээд дөрөв таван га хоосон газар өгөөч гэж хүсэж байгаа юм. Хоосон газар дээр 1000 айлын хорооллыг сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засаг захиргааны барилгатай нь цогцоор нь барья. Нийтийн том арга хэмжээнд очдоггүй юм бол тэндээсээ гараад байх шаардлагагүй байх юм. Тэнд нь 16-18 хувь нь барилгажна. 80 гаруй хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөж байна.

Ядуу хүмүүст муу байр өгөх ёстой, өрхийн орлогод нь тохирох ёстой гэдэг буруу онол. Тэртээ тэргүй ийм чанартай эдлэл хямд гаргах үйлдвэр нь байхад үүнийгээ ашиглаад хотхоноо хийе. Өнөөдрийн манай хотын хамгийн сайхан тохижилттой хорооллоос ч илүү тав тух, ногоон байгууламжтай хийх ёстой. Барьчихаад гэр хорооллын эхний 1000 айлд санал болгоё гэж байгаа юм. Орохгүй гэх хүн гарахгүй байх. Тэр айлуудын чөлөөлсөн газар дахин хороолол барих гэх мэтээр үргэлжилбэл дараалал нь зөв болох юм. Бодит ажил хийгээд эхлэхээр хүмүүс ч ойлгож дэмжээд эхэлнэ.Тэгэхгүй бол 2020 онд энэ хэвээрээ сууж байна шүү.

-Орлого багатай хүмүүс шинэ байраа авах боломж нь хэр байх бол…

-Миний хүсч байгаа хоёр дахь зүйл бол ипотекийн зээлийн эх үүсвэрийг найдвартай, хүрэлцээтэй бий болгож өгөөч гэж байгаа юм. Өнөөдөр бид ард түмнээ ажилтай, ажилгүй гэж ялгах юм бол тусгаар улсын Засгийн газрын бодлого биш. Ажилгүй хүнээ ажилтай болгож байранд оруулъя. Хэрэв ажилгүй хүн байранд орвол хагас жилийн дараа л мөнгөө төлж чадахгүй хөөгдөөд гарна. Тийм учраас хороолол барьж байх явцад маш олон ажлын байр бий болгох бүрэн боломж байна.

-Яаж тэр вэ?

-Тэр зураг загварыг бид хийсэн. Жишээ нь, гэр хорооллын нэг гудамжинд 20-25 айл байдаг. Таван айлын газрыг нийлүүлээд аравны нэг дээр нь хамгийн орчин үеийн хоёр давхар таун хаус барьж өгье. Дээд давхартаа амьдарч, доод давхартаа үйлчилгээний газар нээж болно. Засвар үйлчилгээ гээд ажлын байраа хийж болно. Ерэн хувийн газар дээрээ төмс, лууван, манжин, байцаа, сонгиноо тарих юм. Өнөөдөр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрээр Японд манай бараа гаалийн татваргүй гарч байгаа. Тэнд ургасан хамгийн чанартай хүнсний бүтээгдэхүүнийг сайн савлаад 100 граммаар нь ч гэсэн савлаад Японд гаргая.

Үүнийг Хөдөө аж ахуйн яам, худалдааны яам нь хариуцаад хийх боломж байгаа. Зарим нь гүзээлзгэнэ, нэрс тариад экспортолно. Тэр талбайг нь, бүтээгдэхүүнээ савладаг шугамыг нь, яаж тарьдгийг нь бид бэлдэж, зааж сургаж өгөх ёстой. Түүнээс биш ийм хэмжээнд амьдарч байгаа ард түмнээ та нарт ийм арга байна, өөрсдөө хий гэвэл хэзээ ч бүтэхгүй. Ийм байдлаар ажлын байрыг бэлдэж, сургаад өгвөл хүмүүс цаашдаа өөрөө өөрсдийгөө аваад явчихна.

Болдог бол Солонгосоос ирэх 500 сая доллараа ипотекийн эх үүсвэр болгох хэрэгтэй. Түүнээс биш нэг хэсгээр нь зуух, нөгөө хэсгээр нь агаар шүүгч, үлдсэнээр нь амны хаалт хийвэл ямар ч үр дүнгүй алга болно. Энэ бүх саналаа би бичээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ойлгож дэмжинэ гэдэгт найдаад хүлээж байна.

Гуравт гэвэл, бид орон сууцны хороолол барилаа гэхэд хуулиараа дэд бүтцийг нь улс хариуцах ёстой. Цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугамыг нь улс хариуцаад явбал хамгийн орчин үеийн чанартай хот тосгон, хорооллыг хямд өртгөөр барих боломж нь бүрэн дүүрэн байна. Засгийн газар намайг дуудаад ард түмний өмнө үүрэг өг л дөө. Тэр үүргээ хугацаанаасаа өмнө биелүүлж чадахгүй бол би хариуцлага хүлээе. Би амласан хугацаанаасаа өмнө ажлаа хийж дуусгана. Хэрэв саяын хэлсэн гурван зүйлийг төр хариуцах юм бол би энэ жилийн аравдугаар сар гэхэд 1000 айлын орон сууцыг иж бүрэн хорооллоор нь хүлээлгэж өгье.

-Үнэхээр утаанаас салах шилдэг арга бол барилгажуулалт гэдэг ч өнөө л зуух яндан тараах тухай ярьж байгаад эгдүүцэх хүн олон байдаг?

-Утааны төгс шийдэл бол орон сууц. Зуух яндан бол арга ядсан ажил. Арван жил 280 тэрбум төгрөг зарцуулаад утаа 2.6 дахин нэмэгдсэн байна. Олон улсын шинжээчдийн судалгаагаар ийм үзүүлэлт гарсан. Нарийн ширхэгтэй тоосонцор бүр өссөн. Өнөөдөр дахиад л зуун яндан ярих юм бол эмгэнэл шүү. Энэ хотод таван жилийн дараа хүн амьдрах боломжгүй болно. Бидний ирээдүй бол үр хүүхдүүд маань. Тэд маань ургийн гажигтай, генийн өөрчлөлттэй төрж, зарим нь эхийн хэвлийдээ амьгүй болж байгаа нь хорт утааны нөлөө. Нас баралтын 15-20 хувь нь утаанаас шалтгаантай гэж судалгаагаар гарлаа. Агаарын бохирдол гамшиг болсон нь үнэн ч хамгийн аюултай зүйл бол хөрсний бохирдол. Хашаан дотор жорлон ухах газаргүй болсон. Гандангийн орчим бол өндөр хийдээ дагаад 100-гаад жилийн өмнө гэр хороолол бий болсон. Тэндхийн газар 3-4 метрийн дор тэр чигээрээ жорлон. Бид судалгаа хийгээд үзвэл Туул гол руу 2-3 метрийн гүнээр Улаанбаатарын жорлон урсаж байгаа. Гэр хороололд байгаа гүний худгууд бүгд бохирдсон.

Гадна дотнын донор орнуудын үзүүлж байгаа төслийн мөнгийг зуух яндан эсвэл дүрийг нь хувирган цахилгаан халаалт, агаар шүүгч оруулж ирвэл шийдэл биш. Төгс шийдэл нь барилгажуулалт.

-Өнгөрсөн долоо хоногт хотын удирдлагууд үйлдвэртэй ирж танилцсан. Тэд дэмжинэ гэнэ үү?

-Хотын удирдлагууд ирж үйлдвэртэй маань танилцах үеэрээ Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд нийслэлийн дагуул болон хаяа хот байгуулах, гэр хорооллыг барилгажуулахад манай өндөр чанартай хийц эдлэлийг авах боломж бүрдэж байна. Ер нь бүх талаар хамтарч, дэмжиж ажиллана гэж хотын дарга хэлсэн.


Categories
мэдээ цаг-үе

Р.Сэддорж: Биднийг говь руу ус татаж, үйлдвэр барих гэсээр байтал хилийн цаана нүүрс угаах үйлдвэрүүд байгуулагджээ

“Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцлаа.


-“Таван толгой” гэхээр хүмүүс хоёр компанийг нийлүүлээд ойлгох хандлага байдаг. Ер нь Өмнөговьд үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанийг “Таван толгой”-нх гэдэг хүмүүс ч байна. Та өөрийн удирддаг “Таван толгой” ХК-ийнхаа тухай танилцуулаач?

-“Таван толгой” гэдэг бол манай өмнийн говьд байдаг нүүрсний том орд газрын нэр. Энэ ордын хамгийн анхны эзэд бол манай хамт олон юм. 1966 онд улсын үйлдвэрийн газар болон ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хүмүүс манай уурхайг ууган Таван толгой, ялангуяа гадаадынхан жижиг Таван толгой ч гэж нэрлэдэг. Манайх орон нутгийн өмчийн оролцоотой хувьцаат компани. Өдгөө таван толгойн орд газар дээр төрийн, орон нутгийн, хувийн гэсэн гурван өөр өмчийн компаниуд олборлолтын үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани 2004 оноос эхлэн Монгол Улсын хувьд анхны нүүрсний экспорт хийж эхэлсэн. Мөн 52 дахь жилдээ говийн аймгуудын эрчим хүчний нүүрсийг хангаж байна. Онцлог гэвэл БИД гурван тийшээ татвар төлдөг өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг, Цогтцэций сумын төсвийн 90 хүртэлх хувийг, улсын төсөвт татвар төвлөрүүлдэг. Монгол Улсад татвар төлдөг дөчөөд мянган аж ахуйн нэгжүүдээс татвар төлөлтөөрөө эхний зургаадугаарт жагсдаг.

-Өнгөрсөн жилийн хувьд та бүхэн хэр үр өгөөжтэй ажиллав?

-2017 он бол түүхэндээ хамгийн үр өгөөжтэй жил байлаа. Манай “Таван толгой” ХК 4,1 сая тонн нүүрс олборлож гадаад, дотоодын зах зээлд борлууллаа. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотроос улсдаа өндөр татвар төлсөн. Төлсөн татварыг авч үзэхэд 170-аад тэрбум төгрөг болж байна. Нэг тонн нүүрснээс улсдаа өгч байгаа татвараараа нүүрсний уурхайнуудаасаа түрүүлсэн амжилт гаргалаа.

-Нэг тонн нүүрсний татвар компаниудад ижил байдаггүй юм уу?

-Компаниасаа шалтгаалаад өөр өөр байгаа. Шинэ он гараад ажил маань урагштай сайхан өрнөж байна. Бид үр ашгийг тооцож ажилладаг. Боломжит бага зардлаар нүүрсээ хэрхэн олборлож, өндөр үнээр яаж борлуулах вэ гэдгийг нарийн судалж, тооцож ажилладаг. Манайх 100 хувь Монгол ажилтнуудтай. Үүний 90 гаруй хувь нь Өмнөговийн иргэд. Гурав дөрвөн үеийн уурхайчид манайд бий. 2011 онд нүүрсний “boom”гэж ярьж байсан тэр үедээ 6,3 сая тонн нүүрс гадаад зах зээлд борлуулж, 200-гаад тэрбум төгрөгийн орлого олж байсан бол өдгөө 430-аад тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Энэ бол манай хамт олны, компанийн удирдлагуудын, уурхайчдын маань ажлын үр дүнгийн илэрхийлэл. Нүүрсний бусад уурхайнууд дундаа хамгийн үр ашигтай ажиллаж байгаа компанийн нэг юм.

-Нүүрс одоо ямар үнэтэй байгаа вэ. Манайхан зах зээлийн үнээр нь борлуулж чаддаг уу?

-Монголчууддаа буюу дотоод зах зээлд бид нэг тонныг нь 15000 (НӨАТ-гүй) төгрөгөөр борлуулдаг. Хамгийн хямд нүүрс гэж хэлж болно. Айл өрх, албан байгууллагад нүүрс борлуулдаг (ордын хэмжээнд) ганц уурхай нь манайх. Говийн гурван аймгийн төвийн, сумдуудын эрчим хүч, хилийн отрядуудыг нүүрсээр хангаж байна. Мөн Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, бусад аймагт байрлах төмөр хайлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л газруудыг манайх нүүрсээр хангадаг. Харин гадаад зах зээлд 80 ам.доллараар борлуулж байна.

-Энэ жил нүүрсний үнэ ямар байх бол. Одоогийнхоос өсөх эсвэл буурах болов уу?

-Эхний улирлын байдлаар нүүрсний үнэ боломжийн байна. Цаашид тогтвортой байх төлөв харагдаж байгаа. Гэхдээ үнийн хувьд гадаад хүчин зүйлээс хамаардаг учраас шууд тооцоолох боломж бага.

-Цаашид нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд юу хэрэгтэй вэ?

-Нүүрсний экспортыг нэмэхийн тулд юуны өмнө нутаг оронтойгоо маш сайн харилцаж ойлголцох хэрэгтэй. Нэг тонн нүүрсийг олборлож борлуулахад хөрс хуулалтаас асар их тоос шороо үүсч байдаг. Энэ нь орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг муутгаж байгаа. Тиймээс төмөр зам тавьж, авто замаа сайжруулах ёстой. Юуны түрүүнд хос зам яаралтай барих шаардлагатай.Одоо байгаа Гашуун сухайтын авто замыг хоосон машин явдаг зам болгоод түүнтэй паралель Гашуун сухайтаас эхлэлтэй хүнд даацын зам барих шаардлага байгаа. Мөн хилийн гарцыг ч нэмэх шаардлагатай.

-Өнгөрөгч саруудын хувьд экспорт буурч байгаа мэдээлэл бий. Юунаас үүдэлтэй вэ?

-Хоёр улсын бодлого байдаг байх. Манай компанийн хувьд нөлөөлсөн зүйл бага байна.Сүүлийн хоёр жилд хамгийн их хамтарч ажиллах санал ирсэн жилүүд байлаа. 2016 оны эхний хагасаас хойш Хятадын зах зээл сэргэсэн. Өмнөд хөрш бол дэлхийн хамгийн том хэрэглэгч учраас тэдний гангийн үйлдвэрлэл өргөжиж, эдийн засаг нь тэлэх тусам хэрэглээ нь нэмэгддэг.

-Төмөр зам, автозам яаралтай барих тухай та сая ярилаа. Эрчим хүчний хангамж хүрэлцээтэй байдаг уу. Эрчим хүчээ хаанаас авдаг вэ?

-Бид татварт маш их мөнгө төлдөг. Бүс нутагт зам тавих, дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр төрийн бодлого дутагдалтай байгаа. Юуны өмнө хил рүү явах хос автозам маш хэрэгтэй байгаа. Хос зам байхгүйгээс осол гарч эрдэнэт хүний амь эрсдэх тохиолдол их гарах боллоо. Нарийхан ганц замаар том даацын машинууд зөрж өнгөрнө гэдэг маш хэцүү. Хос замыг төмөр замтай ялгаагүй ач холбогдол өгч барих нь чухал.

Таван толгойн орд газар бол эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй. Энд хямд өртгөөр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. “Таван толгой” цахилгаан станцыг яагаад баригддаггүй юм бол гэж бид хүлээдэг. “Оюу толгой” Хятадаас маш өндөр үнээр цахилгаан худалдаж авдаг гэж ярьдаг. Гашуун сухайт, Шивээ хүрэнгийн боомт ч гэсэн эрчим хүчний хувьд Хятадаас хамааралтай. Ийм учраас Таван толгойн цахилгаан станцыг яаралтай барих шаардлагатай байна. Оюу толгойн Хятадаас эрчим хүч худалдаж авдаг тэр мөнгөөр цахилгаан станцаа барих юм бол энэ бүх бүс нутгаа эрчим хүчээр хангана. Гадаадаас тог авахгүй. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах боломжтой. Манай гурван уурхайн хувьд эрчим хүчний нүүрсний нөөц хангалттай байна шүү дээ. Хамгийн хямдаар авч, маш хямд цахилгаан үйлдвэрлэх боломж байгаа. Аймгийн үе үеийн бодлого бол цахилгаан станц баригдаасай гэдэг дээр төвлөрч байдаг.

-Уул уурхайтай газар байгаль, экологийн асуудал байнга хөндөгддөг. Өмнөговийн байгаль экологи ямар байгаа вэ. Ямар асуудал анхаарал татаж байгаа вэ?

-Байгаль экологи хэцүү байгаа. Уул уурхай байгаль орчин хоёр бол урвуу хамааралтай. Нэг нь өсөхөөр нөгөө нь доошоо урууддаг. Зам барьж тоосжилт багасгах, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь хамгийн чухал асуудал болоод байгаа. Цогтцэций сумын иргэд л гэхэд тоосон дотор амьдардаг. Үүн дээр төрийн бодлого үгүйлэгдэж байна. Манай компани тоосжилтын эсрэг, иргэдийн эрүүл амьдралын төлөө анхаарал хандуулж ажиллаж байгаа. Хөрш компаниуд маань ч бас анхаараасай гэж хүсч байна. Иргэд бүр аргаа бараад сумыг нүүлгэж өгч болдоггүй юм уу гэсэн байдалтайгаар харж хүлээж сууна.

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 10 гаруй уурхай ажилладаг. Экологийн хувьд хамгийн хүндрэлтэй нь усны асуудал. Нүүрс угаах ус компаниудад хэрэгтэй байгаа ч говийн ус хүрэлцдэггүй. Одоогоор “Энержи Ресурс” ХХК нүүрсээ угааж байгаа. “Оюу толгой” компани гүний усаар зэс угааж байна. Бусад уурхайнуудад усны боломж байхгүйгээс нүүрс угаадаггүй. Хүн мал нь усаар гачигдаж байхад гүний усыг үйлдвэрлэлийн хэмжээнд маш ихээр нь хэрэглэнэ гэдэг ойлголт нутгийн иргэд, манайд компанийн удирдлагууд болох хувьцаа эзэмшигчид, үе үеийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хувьд байдаггүй байсан.

-Говийн ус багассан гэдэг нь үнэн үү?

-Хэдэн хувь нь дэлхийн дулаарал, хэдэн хувь нь уул уурхайн үйл ажиллагаанаас болдог юм тэрийг хэлж мэдэхгүй юм. Гэсэн хэдий ч мэдэгдэм усгүй болж байна. Жишээ нь, манай компанийн ундны усны хэрэглээний гурван худаг гурвуулаа ширгэсэн. 120 метрийн гүний худаг л даа. Тиймээс газрын гадаргын буюу Орхон эсвэл Хэрлэн голын аль нэгийнх нь усыг үерийн түвшинд нь хуримтлуулж байгаад говийн бүс нутагт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжтой. Гүний усаа ашигласаар байвал говь минь цөлжиж, байгаль нь улам их доройтож магадгүй. Татвар хамгийн их төлж байгаа ч байгал экологи нь дордсон, хүмүүсийнх нь эрүүл мэнд муу аймгаар тодорч мэдэх нь.

-Та аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгч. Аймгийн удирдлагуудын зүгээс говь руу ус татах, усны асуудлыг шийдэх тал дээр дээш нь асуудал болгож тавьдаг уу?

-Үеийн үед усны асуудал яригддаг. 2013 онд аймгийн зүгээс гүний усны ашиглалтыг хаах шийдвэр гаргаж үзсэн. “Том төслүүд зогслоо, та нар болиоч ээ” гэсэн шахалтанд орж шийдвэрээ цуцалж байсан. Ер нь “Хэрлэн говь”, “Орхон говь” төслийг яаралтай эхлүүлэх юмсан гэж л аль ч цагт аймгийн удирдлагууд саналаа хүргүүлж, ажилладаг. Үнэндээ усны асуудал хана мөргөөд л зогсчихдог. Говийн иргэдийн усны хомсдолыг шийдвэр гаргагчид ойлгохгүй байна. Өмнөговьд уух усаа яаж олох, усанд хаана орох, хаанаас малаа услах вэ гэдэг асуудал яригдаж байна. Ийм байхад гүний ус ашигласан уул уурхайн баяжуулах үйлдвэрээ өргөжүүлэх боломж байхгүй.

-Орон нутгийн өмчийн оролцоотой болохоор танай компани сум, орон нутагтайгаа хамгийн сайн хамтын ажиллагаатай байдаг гэж сонссон. Аймаг, сумын төсөв бүрдүүлж өгөхөөс гадна томоохон бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн ажил бий юу?

-Манай компанийн ногдол ашгийн 51 хувь нь Өмнөговь аймгийн төсөвт ордог. Аймгийн бүтээн байгуулалт,хатуу хучилттай автозам гээд бүхий л бүтээн байгуулалт манай компаниас аймаг руу өгсөн ногдол ашгаар хийгдсэн. Өнөөгийн Өмноговь аймгийн өнгө төрх манай компанитай шууд холбоотой. Одоо аймаг өөрийн хөрөнгөөр сумд руугаа автозам тавьж байгаа. Одоогоор 85 км зайтай байдаг Баяндалай сумыг аймгийн төвтэй автозамаар холбоод байгаа. Энэ бүхэн манай компанийн ногдол ашгаас хийгдсэн ажлууд юм. Өмнөговь аймгийн сумдуудын нүүрс түлээнээс эхлээд өвөлжилт, өвс тэжээл гээд бүхий л зүйл манайхаас хамааралтай. Өнөө жилийн хувьд өвөлжилт хүндэрсэн сумдад тусламж үзүүлэх, өвс тэжээлийн хүүгүй зээл олгох, татаж өгөх гэх зэрэг ажлыг хийж эхлээд байна.

-Манайх нүүрсээ байнга түүхийгээр нь гаргаад байх уу. Нүүрс боловсруулалтын тал дээр төлөвлөж байгаа ажил байгаа юу.Нүүрс боловсруулна гэхээр яахыг хэлээд байна вэ?

-Нүүрс баяжуулна гэдэг угаах ажлыг нь хэлээд байгаа. Түрүүн ярьсан, усны хүрэлцээ маш муу учраас нүүрс угаах боломж бага. Тиймээс Монголоосоо гадагшаа урсаад байгаа Хэрлэн голын усны үерийн түвшинг хуримтлуулж байгаад говь руу хоолойгоор татах ажлыг хийх шаардлага байна. Тэр хоолойг дагаад жинхэнэ ногоон хэрэм үүснэ. Говь устай болно. Ийм ажлыг хийхгүй бол нүүрс угаана гэж байхгүй. Өөр нэг баяжуулалт бол кокс химийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх ёстой. Манайх Монголдоо хамгийн том кокс, химийн үйлдвэр болох “ИНК” ХХК-ийн кокс химийн үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа. Таван толгойн орд газраас хамгийн ойрхон нь Хятадын Хатан гол. Хатан голын сав газарт буюу Монголын хилээс 140 орчим км газарт нүүрс угаах үйлдвэрүүд ихээр байгуулагдсан байна. Биднийг энд голын ус говь руу татаж үйлдвэр байгуулах гэж ядаж байхад өмнөд хилийн цаахна нүүрс угаах үйлдвэрүүд олноор байгуулагдаж байна. Гадагш урсгалтай голын усны үерийг говь руу татаж, угаах үйлдвэрээ дотооддоо байгуулах ажлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Энэ талын зохион байгуулалтын бүх ажлыг “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой” компанид өгөөд усны хоолой татах, авто зам, төмөр зам, цахилгаан станц барих гэх мэт эрхүүдийг нь өгөх хэрэгтэй гэж боддог. Асар их нүүрсний нөөцтэй Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХХК шиг боломжтой компани байхгүй. Ийм компанидаа эрхийг нь өгч, ажил эхлүүлбэл манай эдийн засагт маш үр өгөөжтэй.

-Нүүрсний салбарт төрөөс ямар арга хэмжээ авбал та бүхэнд хамгийн сайн дэмжлэг болж чадах вэ?

-Агаар бохирдуулсны татвар гэж манай компаниас нэг тн нүүрс тутмаас 1000 төгрөг аваад хот руу татчихдаг. Манайх дөрвөн сая тонн нүүрс гаргалаа гэхэд дөрвөн тэрбум төгрөг татварт өгдөг. Тэр мөнгөөр юу хийсэн нь мэдэгддэггүй. Хотод зуух, яндан болоод тардаг юм уу, бүү мэд. Уг нь энд агаар бохирдуулсны татвар гэж авч байгаа болохоор энэ мөнгөний тодорхой хэсгийг уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр агаар нь бохирдож байгаа орон нутагт нь зарцуулбал зохимжтой гэж хэлмээр байна. Хоёрт, уул уурхай хөгжсөн орнуудад орон нутагтаа зам барих, мод тарих, нийтийн эзэмшлийн бүтээн байгуулалт хийвэл улсад татвар төлсөн гэж тооцдог юм байна. Иймэрхүү арга хэмжээг хэрэглэвэл яасан юм бэ. Тэгвэл уул уурхай бужигнаад байгаа орон нутагт зам тавигдаж, барилга байшин босч, соёл иргэншил бий болж нутгийн иргэдийн мөрөөдөл биелэх болно. Орон нутагт зориулж байгаа мөнгийг татвар төлсөн мэт тооцох татварын тогтолцоог хэрэгжүүлбэл орон нутаг хөгжнө. Аль аль талдаа хэрэгтэй. Монголын аймаг бүр алт, зэс, нефтийн баялаг бий. Үүнийг нь түшиглэн орон нутгийн өмчиийн оролцоотой манайх шиг компаниудыг байгуулбал Монгол Улс орон нутгаасаа хөгжих боломжтой гэж би боддог.

-Танайх нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэлээн олон ажил хийдэг. Өнөө жил говьд хөв цөөрөм байгуулахаар төлөвлөсөн гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Говьд ирвэс, зээр, аргаль, янгир гэх мэт зэрлэг амьтад усгүйгээс хатаж харангадаж үхэж байна. Манай компани Өмнөговь аймгийн хилийн бүс, Номгон, Баян-Овоо, Цогтцэций суман дахь аргаль янгир, зээр гөрөөсийг хатаж үхэх аюулаас хамгаалахаар ажиллаж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Даланзадгадын айл өрхүүдийн нүүрсийг 100 км тээвэрлэж хүргэж өгдөг. Нэг тонныг нь тээврийн зардалтайгаа нийлээд 22 мянган төгрөгөөр өгдөг нь хаана ч байхгүй хямд үнэ. Энэ мэт аймаг орон нутаг, иргэдээ дэмжсэн орон нутгаас худалдан авалт хийхийг эрхэмлэсэн олон ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд ашиг харалгүй хийдэг.

-Сүүлийн өдрүүдэд шатахуун хомсдож, заримынх нь үнэ өслөө. Танай ажилд хэр нөлөөлж байна вэ?

-Маш их нөлөөлж байна. Шатахууны үнэ нэмэгдсэнээр туслан гүйцэтгэх компаниудад ачаалал маш их ирж байна. Ашиглалтын зардал нэмэгдэж байна л гэсэн үг. Цаашлаад нүүрсний олборлолтын зардалд шууд нөлөөлж байгаа зүйл.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Байж л байвал бараа чинь хаачих вэ дээ, Баттулга Ерөнхийлөгч минь

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард иргэдтэйгээ уулзаж байна. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн дүүргүүдээр ээлжлэн уулзалт зохион байгуулж, өөрийн санаа бодол, хийх ажлаа ярьж, олон түмнийхээ үгийг ч сонсож явна. Эдгээр уулзалтаас тод анзаарагдсан нэг зүйл бол Ерөнхийлөгч маань “УИХ-ыг тараая” гэж байн байн ярих юм. Өмнө ч ингэж ярьдаг байсан. Түүнийг нь бид ойлгохдоо “УИХ-ыг шавдуулах, зөв зарчмаар ажиллуулах арга зам нь юм байх” гэж харж байв. Гэтэл энэ нь ажил хийлгэх арга зам нь биш, УИХ-ыг тараахаар өөрөө идэвхийлж санаачлан, жинхэнээсээ үүнийхээ төлөө зүтгээд байна уу даа гэсэн ойлголт нийгэмд төрж эхэллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ саяхан хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн бодлого бол түүний л бодлого. Ардчилсан намын бодлого биш. Ерөнхийлөгч хүн намаасаа татгалздаг” гэсэн байна лээ. Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагчидтай их ойр байдаг, бараг удирдагч нь ч гэж хэлж болохоор хүн бол нийтлэлч Баатархуяг. Тэрбээр нэгэн нийтлэлдээ “Х.Баттулга бол АН-ын Ерөнхийлөгч биш. Иргэний хөдөлгөөний Ерөнхийлөгч” гэж бичсэн. Нээрэн ч Иргэний хөдөлгөөнүүдийн гаргаж тавих дуртай уриа болох “Хувьсгал хийе”, “УИХ-ыг тараая” гэх мэт яриаг Ерөнхийлөгч маань идэвхтэйгээр сурталчилж эхэллээ.

Монгол Улсын Их Хурал гэдэг маань ямар байгууллага билээ. Энэ бол Монгол төр. Төрийн дээд байгууллага. Үүнийг бүх ард түмэн сонгож бий болгодог. Муу ч байж болно. Сайн ч байж болно. Ямартаа ч бүх ард түмний сонголт, сонгуулийн тусгал нь. Бий болгох гэж бий болгосон Монгол төр. Яагаад ингэж хэлж байна гэхээр 2012-2016 онд төр барьсан АН-д итгэл алдсан хүмүүс МАН-ыг сонговол арай дээр юм уу гээд сонголтоо хийж, одоогийн УИХ бүрэлдсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн заасан байдаг. Ийм байгууллагыг татан буулгавал ёстой төрийн дампуурал гэгч нь болох биз. Монгол Улс төргүй болно гэсэн үг. Засгийн газар бол өөр хэрэг. Хэд ч огцорч болно. Засгийн газар бол төр биш. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд заасан төрийн дээд эрх бүхий энэ байгууллагыг мөн л Үндсэн хуулиар эрх, үүргийг нь дархалсан Ерөнхийлөгч татан буулгана гэж өөрийн биеэр ярьж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа юм биш биз. Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т ” Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэсэн заалт бий ч одоогийн нөхцөлтэй нэг л дүйж өгөхгүй байна.

УИХ-ыг тараах тухай эхний өргөдөл өгөхөд л Үндсэн хуулийг сахиулагч дээд байгууллага болох Үндсэн хуулийн Цэц “Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн” гэдэг үндэслэлээр хэлэлцэхэд бэлэн болох шинжиндээ орж байна. Бодвол албан ёсны баримт бичиг гарахыг нь анаж хүлээсэн хүмүүс байгаа биз. Хэрэв Үндсэн хууль зөрчсөн бол энэ үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ажлын алба, Тамгын газар, туслахууд нь даруйхан засч залруулах хэрэгтэй болжээ. Өдийг хүртэл яагаад чимээгүй суугаад байна вэ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын иргэдтэй хийж байгаа уулзалт бүрийн төгсгөлд иргэний хөдөлгөөний гэгдэх хэдэн эмэгтэй, өвгөчүүд л “УИХ-ыг тараах нь туйлын зөв” тухай ярьцгаах юм. Ингэснээр хүн бүр УИХ-ыг тараахыг хүсээд байгаа мэт ойлголтыг Ерөнхийлөгчид төрүүлж байна. Үг хэлэгсдийн дийлэнх нь Иргэний хөдөлгөөний хүмүүс харагдана лээ. Тэднийг ямар үг хэлэхийг Иргэний хөдөлгөөнүүд удирдаад байна уу эсвэл ганц хоёр хүн турхираад байна уу гэдэг нь сонин.

Яг УИХ-ыг тараах дээрээ тулбал ард түмний дийлэнх нь дургүйцнэ. Ард түмний дундах асар хүчтэй хүрээлэл болох сэхээтний давхарга эрс эсэргүүцэх нь тодорхой. Утаанаас өөр дайсангүй улсыг Украйн шиг дайны хөл болгохыг жаахан ч гэсэн юм боддог, мэддэг хүмүүс эрс эсэргүүцнэ. Хаана ч гэсэн үг хэлээд сурчихсан хэлэмгий, доломгой фанатууд бишгүй байдаг. Тэд цөөн л дөө. Гэхдээ тэдний үг төрийн бодлогын хэмжээнд очвол Монгол Улсад аюултай үйл явдал, үзэгдэл болно. Үүнийг монголчууд мэдэхтэйгээ ухаалаг ард түмэн.

Гадаадын төдийгүй дотоодын зөөлөн хүчний бодлогоор монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэх, бужигнуулах гэсэн зорилготой байж мэдэх үйл явдал сүүлийн үед цөөнгүй өрнөх болсон нь ажиглагдаж байна.Хүний эрхийн байгууллагын томоохон төлөөлөгч хүртэл “төрийн эргэлт хийх ёстой” хэмээн ярьж яваа дуулдах юм. Аажим аажмаар нийгмийг ингэж турхирч байна. Төрийн эргэлт хийлээ гэхэд хэн төрд гарах юм. Монголчууд бид л гарна. Ямар ялгаа байна вэ. Яахав, хэдэн хүн л хоолондоо хүрэх биз. Тэглээ гээд ард олныг яагаад ингэж талцуулж хуваах оролдлого хийгээд эхлэв. Бид жаргалдаа ташуураад цус урсгаж, нэгнийхээ аминд хүрэхдээ тулав уу. Долоон сарын нэгэн гэх аймшигт цуст өдрийг бүгд мартчихсан уу. Таван иргэний амийг авч, хичнээн мянган залуус шоронгийн хаалга татсан өдрийн маргааш гудамж талбай тэр чигээрээ хуягт машин,буутай цэргүүдээр дүүрч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, үндэсний телевизээр юу гаргаж, ямар мэдээлэл цацахыг эрх баригчид хянаж, шийдэж байлаа. Тэгэхэд хүний амь эрсдэсний төлөө биш хэдэн зураг шатсны төлөө харамсан уйлах хүмүүс бас гарч ирж л байсан юм даа.

Энэ үйл явдлыг Ерөнхийлөгч Х.Баттулга ч байнга санаж явах ёстой. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” хэмээн тодорхой зааж өгчээ. Гэтэл яг энэ заалтын эсрэг зүйл ярьж, уриалаад байгаа нь Үндсэн хуулиа зөрчөөд байгаа хэрэг биш үү. Ийм гаргалгаа, дүгнэлтийг хэн ч өлхөн гаргаад ирнэ. Хэрэв Ерөнхийлөгч Үндсэн хуулиа зөрчсөн бол огцрохоос өөр аргагүй бөгөөд түүнийг өмөөрөх хүн Монголд олдохгүй. Магадгүй, өөрөө зохион байгуулж, хөрөнгө мөнгийг нь гаргаад долдугаар сар хүртэл хуулийн хүрээнд жагсаал цуглаан хийлгэх биз. Навч цэцэг дэлгэрч налайсан долдугаар сард хэн бусдын эрх ашгийн төлөө жагсаал цуглаан хийж зогсох вэ. Бүгд л приусээ асааж аваад найр наадам, хамаатан саднаа хэсэх гээд хөдөө гараад алга болно.

АН-ынхан ч гэсэн “бидний бодлого биш” гэж гэдийж суухынхаа оронд Ерөнхийлөгчид зөвлөж, Үндсэн хууль зөрчөөд байгаа мэт үйлдлийг нь намдаах хэрэгтэй байна. Нэг намаас 65-уулаа парламентад сонгогдож, хэт олонхоороо эрх барьж буй энэ үед сөрөг хүчний намаас Ерөнхийлөгч байх нь ард түмэнд хэрэгтэй байна. Байж л байвал бараа нь хаачих вэ гэсэн үг бий. Эрх баригч намыг хууль зөрчсөн шударга бус үйлдэл хийх бүрт нь шүүмжилж, эрх мэдлийнхээ хүрээнд хориг тавих нь Ерөнхийлөгчийн үүрэг. Ингэж л бодож ард түмэн сонгосон. Түүнээс биш төрийг бужигнуулаад аль, тараагаадах гэж сонгоогүй. Эсрэг намынхан үйл явдлыг улам дөгөөж байгаад Ерөнхийлөгчийн өөрийнх нь хэлдгээр дагуулж тонгорох гээд байна уу гэх байдал ажиглагдаж байна. Хууль зөрчих цэгт нь хүртэл ил, далд өөгшүүлж хөөрөгдөж байгаад авч хаях гээд анаж суугаа болохоор алдаа бүү гаргаарай.

Монгол хүйтэн, утаатай. Ард түмэн нь ядуу. Ганц дутуу байгаа нь дайн байлдаан, эмх замбараагүй байдал. Үүнийг бий болговол Монгол чинь үлдэх үү, Ерөнхийлөгч өө.

Categories
мэдээ цаг-үе

Дотуур байр гэх боловсон шоронг халах цаг нь болсон

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө манай сонин олон нийтлэл, цуврал сурвалжлага, өгүүлэл, ярилцлага нийтэлжээ. Тэдгээрийн нэг нь хүүхдийн дотуур байрны асуудал юм. “Хонины хурга зутарна гэж хоньчны хүүхэд бэтгэрэх ёстой юу”, “Хүүхдийн баяраар дотуур байр гэх шоронг халъя”, “Дотуур байр гэх боловсон шорон хүүхдийг ямар хүн болгосоор байна вэ”, “Дотуур байрны хүүхэд доголон сэтгэлгээтэй төлөвшдөг юм биш үү” зэрэг цуврал нийтлэлээр дотуур байранд хүүхдийн эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар асуудал дэвшүүлэн нийгэмд түгээсэн юм. Харамсалтай нь, дотуур байрны асуудал өнөөдөр манайд хэвээрээ байсаар. Жил бүр дотуур байрны багш нарыг цуглуулж байгаад хуралддаг хурал саяхан боллоо. Тэнд дурдагдсан мэдээллээр өдгөө манайд 517 дотуур байранд 6-18 насны 35 мянган хүүхэд амьдарч байгаа аж. Ирэх жил 18 дотуур байр нэмж барина хэмээн салбарын сайд нь баяртайгаар мэдэгдлээ. Мөн нэг цугласных яаж зүгээр байхав гэдэг шиг дотуур байрыг хүүхдийн хөгжлийн орчин болгох зорилт тавилаа.

Сонсоход сайхан сайхан зүйл ярьж байх юмаа, дотуур байрны тухай. Хүртээмж бага учраас нэмэх хэрэгтэй л гэнэ. Хүүхдүүд дотуур байрандаа тав тухтай сайхан амьдардаг л гэнэ. Хоол унд хүрэлцээтэй, хүүхдүүд тэнд жаргаж байдаг юм байх. Гэтэл бодит байдал дээр халаалтгүй дотуур байранд хүүхдүүд амьдарч байна. Малчид өвлийн хүйтэнд малынхаа хашаа хороог битүүлж, салхи ч орохоогүй пүнхийтэл дулаалдаг байтал малчны хүүхдүүд жавар хургасан хүйтэн байранд “жаргаж” суудаг. Тэнд эхийнхээ мөөмнөөс ч гараагүй шахам зургаан настнуудыг “ном сур” гэж суулгадаг. Эцэг, эхийн хайр халамжинд байх ёстой бяцхан үрс гэнэт л харь танихгүй хүмүүсийн дунд орж, бие дааж амьдарна гэдэг насанд нь хэтэрхий ахадсан цэвдэг хандлага юм. Хувцас хунараа угааж цэвэрлэх, хичээлээ хийх, хүйтэн харанхуй шөнөөр гадаа гарч жорлонд бие засахаас эхлээд гэрээ санахын зовлон барагдахгүй. Ядахад дотуур байранд олон жил болсон томчууд багыгаа дээрэлхэнэ, юмыг нь булаана. Байрны хоол хэзээ ч гэрийн хоолыг гүйцэхгүй. Нэгдүгээр хоолоо идээд хоёрдугаар хоолноосоо хоцрохгүйн тулд бүгд л яаран дайрна. Хоол идээд байгаа хэрнээ өлөн зэлмүүн сэтгэлтэй болж өсдөг. Байрны багш эцэг, эхийн хайрыг орлохгүй. Захирч зандарсан хандлагаар л хүүхдүүдтэй харилцдаг. Ийм байдал хүүхдийн хүмүүжилд бага багаар нөлөөлсөөр амиа бодсон, бусдыг үзэн ядсан, дээрэлхүү, атаархуу бие хүн болж төлөвшдөг. Хичээлээ хийхэд нь тусалдаг, даалгавраа хийсэн эсэхийг шалгаж анхаардаг хүнгүй болохоор байрны хүүхдүүд сурлага муутай байдаг. Дотуур байрны онц сурлагатан гэж тун цөөхөн дөө. Байрны хүүхдүүд жилийн 12 сарын есөн сард нь гэрээсээ хол амьдардаг. Хүүхэд нас нь тэр чигээрээ аав, ээжийнхээ хайр халамжаас хол өнгөрдөг гэсэн үг.

Гэтэл Монгол Улс НҮБ-аас баталсан Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэж ороод 30-аад жил болжээ. Түүнд “Эцэг, эх нь муухай харьцаж, үл ойшоодог биш л бол хүүхдийг эцэг, эхээс нь салгаж болохгүй” гээд тов тодорхой заасан байдаг. Бид дэлхийн соёлт хүн төрөлхтний мөрддөг энэ дүрмийн эсрэг амьдарч байна. Хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд хар нялхаас нь дотуур байранд аваачаад хаячихдаг. Нэг талаар хүүхдээ ном сургаж эрдэмтэй хүн болгох аав, ээжийн санааг ойлгож болох ч хүүхдийнхээ өмнө хүлээсэн эцэг, эхийн үүрэг хариуцлагаас цэвэрхэн мултарч байгааг зөвтгөх аргагүй юм. “Монголын онцлог шүү дээ. Малчид тэгээд хүүхдүүдээ яаж сургуульд суулгах юм, битгий тэнгэрийн юм яриад бай” гэж гөжих хүн олон гардаг. Тэгвэл хар нялхаараа дотуур байранд хаягдаж, тэнд өсөж өндийж, бүр насанд хүрч байгаа олон олон хүүхдийн хүмүүжил, тэдэнд тохиолддог хүндрэл бэрхшээлийг бид байнга ил гаргаж, хүүхдийн эрхийн төлөө дуугарч байх ёстой, үүрэгтэй юм. Үнэндээ хүүхдийн эрхийг малаас дор үзэж байгаа энэ төр засгийн бодлогыг хүн рүүгээ чиглүүлэхийн төлөө байнга энэ асуудлыг хөндсөөр байх болно. Албан тушаалын төлөө үхэлдэн тэмцдэг шигээ ард түмнээ сайхан амьдруулахын төлөө толгойгоо гашилгадаг болтол нь бичих юм. Дотуур байраар хангана гэдэг шийдэл биш. Шорон мэт болсон дотуур байрыг огт өөр түвшинд аваачих, хүний эрх ялангуяа хүүхдийг эцэг, эхтэйгээ хамт амьдрах боломжоор төр хангах ёстой.

Япон, Солонгост суурин амьдардаг танилуудаасаа “бага, дунд сургуулийн дотуур байрных нь тухай мэдээлэл явуулаач” гэхэд “Энд тийм юм байдаггүй” гээд толгой сэгсэрч байна. Хүний эрхийг дээдэлдэг Америк тэргүүтэй барууны орнуудад хүүхдийг ингэж хар нялхаас нь эцэг, эхээс нь салгадаг дотуур байрны тухай яриад ойлгох ч үгүй биз. Дэлхийн 200 орон мөрддөг Хүүхдийн эрхийн конвенцийн тогтоосон олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу хүүхэд бүр ямар ч алагчлалгүйгээр аз жаргал, хайр энэрэл, ойлголцол бүрдсэн орчинд өсөн торних ёстой. Хүүхдийн эрх нь хүүхдэд олгож буй тусгай эрх биш харин хүн бүрт тэр дундаа хүүхдэд төрөлхөөс заяагдмал үндсэн эрх. Хүүхдийн эрхийг хангах нь сонголтоор хийх зүйл биш, эсвэл сайхан сэтгэл, сайн санааны үүднээс хийх зүйл биш. Харин энэ нь бүх нийтээр хүндэтгэн дагах ёстой үүрэг хариуцлага мөн гэдгийг Конвенц тодорхойлсон юм.

“Өнөөдрийн хотын замд өмнүүрээ ганц машин оруулчих сэтгэл байхгүй, өөрөө ч чадахгүй, өрөөлийг ч болгохгүй тийм хүмүүс зөндөө байна. “Энэ удаадаа тэр маань хожиг дээ, дараад нь надад ээлж ирэх байх” гэсэн сэтгэлтэй хүн бидний дунд алга. Жаахан л хожигдох гээд ирвэл орилоод дайрчих хүмүүс л олон юм. Интернэтийн мэдээний дор сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс ч тэр. Өчүүхэн жаахан, атгаг. Энэ бол дотуур байрныхны сэтгэлгээ, тэдэнтэй адил өрсөлдөж, арсалдаж сурсан манай нийгмийн онцлог” хэмээн дотуур байрны талаар нийтлэлч Э.Энэрэл бичжээ. Японы метрод бие биенээ элдвээр харааж, нэгийгээ алчих дөхсөн монгол залуусын зодоон ч манай дотуур байрны сэтгэлгээний нэг л хэлбэр шүү дээ.

Монголын хүүхдүүдийг малнаас дор үздэг дотуур байр гэх боловсон шоронгоос даруйхан салах цаг болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Манай дарга нарт итгэх маанаг энэ дэлхий дээр үлдээ болов уу?

Манай эрх баригчид “Улс орноо хөгжүүлэхийн тулд том том төслүүдээ хөдөлгөнө. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна” гэж байнга ярьдаг. Ер нь жижүүрийн хэдэн үг нь л дээ. Одоо ч түүнийгээ ярьсаар л байна. Үүнийгээ ажил хэрэг болгох нь уу гэлтэй нахилзаж дохилзсон нэг их сайхан ааштай хүмүүс гадныхантай гар барин гүйлдэж байна. Тэгвэл манай дарга нарын үнэн нүүр царайг гадны хөрөнгө оруулагчид нэвт шувт харчихсан, доогтойхон мушийж суугаа биз. Монголын хөгжлийн бодлогыг хэлэлцэж, улс эх орны хувь заяатай холбоотой чухал шийдвэрүүд гаргадаг хэмээн ард олон итгэж үнэмшдэг Төрийн ордноос өнгөрсөн өдрүүдэд зөвхөн хэрүүл, хараал, бие биенээ идсэн уусан, хулгайч худалч гэсэн үгс хөвөрлөө. УИХ-ын дарга М.Энхболд “Ерөнхий сайд аа, Ерөнхий сайд аа” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат хоёрын хэрэлдэж байгааг олон түмэнд мэдүүлэх гэж орилоогүйсэн бол “Хадгаламж” банкнаас зувчуулсан 14 тэрбум төгрөгийн хэдээр нь хэн хэн казино тоглосон гэдгийг тэдний хэрүүлээс ард түмэн мэдчих боломжтой байлаа.

Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ч хэлдэг тогтсон хэдэн үгтэй. Монголын 30 гэр бүл ашигт малтмалын бүхий л лицензийг авч, хамаг баялгийг эзэмшдэг. Уул уурхайгаас баяжсан бүх хүний хөрөнгийг хураана. Шоронд хийнэ гэж дэлхийгээр нэг орилж байхад гадаадын хөрөнгө оруулагчид бүү хэл дотооддоо гайхан шогширч байна. Үнэндээ харамсаж үхчих гээд, сүр дуулиан болгоод буй лицензний тоо нь улсын хэмжээнд 3000 хүрэхтэй үгүйтэй гэж байгаа. Энэ далай шиг элсэн дунд 3000 гэдэг бол маш бага тоо. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүх газар нутгийн дөнгөж найман хувийг эзэлдэг. Ийм байтал дөнгөж саяхан шинээр томилогдсон Уул уурхайн сайд нь хайгуулын лиценз олгох ажиллагааг дахин зогсоолоо. Өөрийнх нь тайлбарласнаар эмхэлж цэгцлэх юм байх. Үүнийг зарим хүмүүс хайгуулын лиценз дээр өөрийн ашиг сонирхлыг оруулах гэсэн үйлдэл хэмээн харддаг. Шинэ сайдын энэ үйлдэл шинэ ч юм бас биш билээ. 2010 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар ашигт малтмалын лиценз шинээр олгохыг хориглож байсан бөгөөд үр дүнд нь нийт лицензийн тоо 1000 хүртэл буурч байсан түүх бий.

Үүнээс харахад улстөрчдийн санаа нийлдэг зүйл нь уул уурхай болон уул уурхай, ашигт малтмалын бизнес эрхэлдэг хүмүүсийг үзэн ядах явдал юм. Ийм Ерөнхийлөгчтэй, ийм Ерөнхий сайдтай, ийм парламентын гишүүдтэй. Бүр сөрөг хүчин нь хүртэл ингэж ярьдаг. Ийм байдал тэгээд хэнд ашигтай, Монгол Улсад ямар ач холбогдолтой юм бэ? Мэдээж, Монгол Улс, ард түмэнд ямар ч ач холбогдолгүй. Харин хэдэн улстөрчдөд л ашигтай. Ингэж ярьсаар байгаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн болчихож болдог юм чинь ийм үзэл санаанаас хэзээ ч ухрахгүй. Сөрөг хүчин нь ч ялгаагүй. Гадныхныг зайлуулна, уул уурхайг хаана, хэдэн баячуудын хөрөнгийг хураана гэсээр байгаад сонгогдоод гараад ирдэг. Хэрэв одоогийн эрх баригчид, сөрөг хүчнийг сольж өөрчиллөө гэж бодоход өмнөхөөсөө нэг их дээрдэхгүй хүмүүс сонгогдоод гараад ирнэ. Гадныхан болон уул уурхайг үзэн ядвал амархан сонгогддог юм чинь гээд яг л ийм үйлдэл хийнэ. Харин бүр “одоо миний идэх ээлж” гэсэн асар их шуналтайгаар төрд орж ирэхийг яана. Ард түмэнд юу ч долоолгохгүй.

Ийм үзэл бодол, итгэл үнэмшилтэй манай дарга нарт итгэж хөрөнгө оруулах маанаг энэ дэлхийд одоо байхгүй болжээ. Өөрийнхөө улс, ард түмэнд итгэмээргүй хүнийрхэж ханддаг эрх баригчдад хэн итгэх билээ. Ялангуяа эрүүл саруул тогтолцоотой, өндөр хөгжилтэй орны хөрөнгө оруулагчид юу гэж ийм улс руу зүтгэх вэ. Ард түмнээ ингэж амьдруулж байгаа эрх баригчдын үнэн мөн чанарыг тэд алган дээрээ тавьсан мэт л харж суугаа. Ядаж байхад Ерөнхий сайд нь гэнэт л сэнтий дээрээсээ “хуц уль” гэж хараагаад эхэлдэг, авиргүй, араншингүй, барьцгүй хүн байх. Дэлхийн хайгуулын, тэр дундаа зөвхөн металл ашигт малтмалын салбарт олон зуун тэрбум ам.доллар эргэлдэж байдаг гэдэг. Энэ мөнгө ашигт малтмал илрэх боломжтой талбай, мэдээлэл нь ил тод байдаг орон, татвар, хууль эрх зүйн орчин нь өрсөлдөх чадвартай улсууд руу урсаж байна. Хайгуулын салбарт мөнгө хаях хөрөнгө оруулагчдын сонирхол ч байна. Гагцхүү бидэнд хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг, өдөөх мэдээлэл алга. Үүнээс гадна хамгийн аймшигтай нь хууль зүйн тогтвортой орчингүй. Эрх мэдэлтнүүд нь уул уурхай, хайгуул болон ашигт малтмалын лицензтэй хүмүүсээ үзэн яддаг. Олон улсад геологи, уул уурхайн салбарт судалгаа хийдэг Фрейзерийн институт гэж бие даасан байгууллага бий. Энэ байгууллагын судалгаагаар Монгол Улс сайн үнэлгээ аваагүй гэж албаны хүний мэдээлэл байна. Монгол Улс 109 орноос 85-д жагсчээ. Энэ байгууллагын ар талд геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид байдаг юм. Тэднийх Монголын эрх зүйн орчин боломжийн, гэхдээ хууль, дүрэм, журам, стандартын давхцал ихтэй гэсэн үнэлгээ өгсөн. Мөн геологи, уул уурхай, газрын тосны салбарын мэдээлэл нь ил тод биш, хөрөнгө оруулагчдад өгөх мэдээлэл дутмаг гэж онцолжээ.

Хэрэв ашигт малтмал илрэх боломжтой талбай, мэдээллээ ил тод болгон, хууль эрх зүйн орноо сайжруулаад, дарга нар уул уурхайг үзэн яддагаа больчихвол энэ салбарт эргэлддэг олон зуун тэрбум долларын тодорхой хувийг татах боломжтой гэдэг. Гадны гэлтгүй үндэсний том компаниуд ч энэ салбарт ажиллах сонирхол байдаг бөгөөд дарга нар түүнийг нь хааж бооно гэж жигтэйхэн.

Мөнгөнийхөө талыг өгсөн болохоор одоохондоо Олон улсын валютын сангийнхан л манайханд итгэсэн дүр үзүүлж байна. Өгсөн мөнгөө буцааж олж авахын тулд хэдэн дарга нарыг тойглож байх шиг байна. Валютын сангийнхан ч бас гэнэдчихсэн нөхөд л дөө. Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарын итгэл үнэмшил төрүүлэхүйц царайнаас гадна МАН нь АН-аасаа арай илүү хариуцлагатай гэсэн итгэлээр гэрээ хийсэн нь үнэн юм. Гэтэл өнөө айгаад байсан АН-ынхнаас нь ч дор хүмүүс гарч ирээд өөр хоорондоо алалдаж байна.

Монголын амьдрал, эрх баригчдын уул уурхайг үзэн ядах хийрхлийг дэлхий тэр чигээр нь тольдон харж байна. Хэрэв яг өнөөдрөөрөө ингээд уул уурхайг үзэн ядаад, лиценз эзэмшигчдээ шоронд хатаана гээд байх юм бол хөрөнгө оруулалт улам алсарч, том төслүүдийн хувьд заяа бүүдийсээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ариунаа: Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ мэдэрсэн айхтар дөрөв таван жилийг давлаа

-“УТАСНЫ ЧИНЬ ДУГААР 03” ДУУГ МААНЬ ЗАЛУУС МАШ ИХ СОНИРХОЖ БАЙНА-

Удтал чимээгүй байсан дуучин Т.Ариунаа “Утасны
чинь дугаар 03” дуугаа шинэ клип, шинэ найруулгатайгаар фэнүүддээ барилаа. Дуу
цацагдаад удаагүй байгаа ч аль хэдийнэ шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж
эхэлжээ. Энэхүү дуу нь түүний “Cosmic Ariunaa: The Remixes” шинэ цомгийнх нь
нэг эс ширхэг бөгөөд дуучин маань цоо шинэ урсгал чиглэлээр эргэн ирлээ. Түүний
яриаг уншигчдадаа хүргэе.

Image may contain: 1 person-Би 2006 оноос хойш шинэ цомог гаргаагүй, 2009 оноос хойш бие даасан тоглолт хийсэнгүй. Миний фэнүүд, сонсогчдын маань дунд “Т.Ариунаа хэзээ шинэ уран бүтээл хийх бол” гэсэн хүлээлт үүсчээ. Өнгөрсөн хугацаанд өөрийгөө олох, өөрчлөх, цаашид юу хийх вэ гэдгээ удаан бодож судаллаа. Олон ч хүнтэй уулзлаа. Буддын сургаал номлолыг ч судаллаа. Энэ хугацаанд гэр бүлийн амьдрал маань ч бас түвшин байсангүй. Мөнгөтэй байснаа мөнгөгүй болж үзлээ. Бизнесээ бусдад алдлаа. Хүмүүний туулдаг бүхий л зүйлийг бие, сэтгэлээрээ туулж, айхтар дөрөв таван жилийг давлаа. Гэхдээ айхтар гэж байгаа боловч бидэнд их том сургамж, туршлага өглөө.

-Одоо хийх уран бүтээл маань ямар мөн чанартай байх ёстой вэ гэдгээ ч их бодлоо. Ер нь бид олон нийтийн давалгаанд автах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Хэт их мэдээллийн орон зайд ороод, түүндээ автаад байвал хүн өөрөө өөртөө асуудал үүсгэн, өөрийгөө стресстүүлээд явах юм байна гэдгийг ойлгосон. Өнөөдрөөрөө амьдрах, өөрөөрөө байх ёстой гэдгийг ойлгосон. Одоо цагт хийх юмаа хийгээд явахад ирээдүйд хийх юм боловсроод явах юм гэдгийг анхаарч яг өнөөдрөөрөө амьдарч байна.

-Уран бүтээлийн хувьд хоёр цомог гаргах гэж байна. Нэг нь “Cosmic Ариунаа” цомог. Нөгөөг нь О.Дашбалбар найрагчийн шүлгээр хийсэн дууныхаа нэрээр “Тэнгэр шиг бай” гэж нэрлэх бодол бий. Мэдээж, нэрний талаар найрагчийн хүү Д.Гангабаатартай ярилцаж оюуны өмчийн асуудлаар ярилцах ёстой.

-Космик бол сансар огторгуй. “Cosmic Ariunaa: The Remixes” цомог маань дахин шинэчилсэн хувилбараар гарч байгаа. 1990ээд онд дуулж байсан хит дуунуудаа хөгжмийн найруулга, стиль имижийг нь өөрчилж “Космик” төсөл болгоод явж байна. Үүний дараа “Тэнгэр шиг бай” төсөл рүүгээ орох юм.

Image may contain: 3 people, people smiling, closeup-“Космик” цомгийн маань зорилтот бүлэг 1835 насныхан гэж бид төлөвлөж байна. Миний 1990ээд оны дуунуудыг одоогийн 18, 19 настай залуус мэдэхгүй. 21 жилийн өмнө “Утасны чинь дугаар”аа дуулж байхад манай хүү төрөөгүй байж. Сая энэ дууны клипэнд хүү маань тоглосон. Энэ дууг анх сонсоод “Хөөх ээж ээ, та ийм дуутай байсан юм уу” гэж асууж байх жишээтэй. Одоо бүр өөрөө дуулаад явж байна.

-“Байгаль эх дэлхийгээ шүтэж амьдаръя, байгалийн хуулийг дагая, хүн байгалийн бүтээгдэхүүн шүү” гэдэг санаанууд дуунд маань шингэсэн. Клипээ ч ийм утгатай хийсэн. 1981 онд Монгол хүн сансарт ниссэн. “Утасны чинь дугаар” дууны клипээ 2081 онд монгол хүн оюун санаагаараа сансарт яагаад нисэж болохгүй гэж гэсэн шинжлэх ухааны зөгнөлт буюу апоколист жанраар хийсэн. Монголд анх удаа ийм жанраар хийсэн дуу. Монгол оюун санаа дэлхийг эзэлнэ гэсэн төсөөлөл зөгнөл.

-“Утасны чинь дугаар 03” дууны кпип “Үргэлжлэл бий” гэж дуусдаг. Хоёрдугаар анги нь буюу үргэлжлэл нь “Космик” гэж дуу гарна. Дэлхий даяараа, шинжлэх ухаан ч тэр, кино урлаг ч тэр космик гэж ярьж, судалж байна. Хар нүхний талаар янз бүрийн онол, баримт гарч байна. Бидний клипний зураг авалт ч энэ тухай өгүүлнэ. Мөн Монголын байгалийн үзэсгэлэнт газруудаар явж зургаа авсан. Хэн ч барьж аваагүй шинжлэх ухааны зөгнөлт төрлийг зоригтойгоор барьж авч хийлээ. Бид өндөр түвшинд бол хийгээгүй ээ. Манай боломж бололцоо, техник технологи маань ямар билээ. Бид зөвхөн дөхүүлээд л хийсэн. Үүнийг харин манай залуус шүүрч аваад улам боловсронгуй болгон хөгжүүлж явах боломжтой.

Image may contain: 1 person

-Кино үйлдвэрлэл хийдэг кино багтай хамтарч ажиллаж байна. “Космик” цомгоо “Хаган” студитэй хамтарч хийсэн. Захирал нь Америкт сургууль төгссөн чадварлаг залуу бий. “Хоёр нүүрт” киноны найруулагч нь. Бид багийн системээр ажиллаж байгаа. Ганц “Би”гээр явбал дан ганц нэг хүний тоглолт болно. “Космик Ариунаа”, “Тэнгэр шиг бай” төслүүд маань бүгд багаар явна. Монголд хийх нөлөөллийн аянг бид багаар л хийнэ. Өнөөдөр манай нийгэмд асуудал болоод буй хүчирхийллийн тухай ярихаасаа өмнө юунаас болж гараад байна, мөн чанар нь юу вэ гэсэн судалгааг сайн хийх хэрэгтэй. Сонирхуулахад, би ирэх долоо хоногоос НҮБын Хүүхдийн сангийн хүчирхийллийн тухай хичээлд суух гэж байна. Энэ сэдвээр нөлөөллийн аян өрнүүлэхийн тулд мэдлэг мэдээлэл, ул суурьтай судалгаа хэрэгтэй. “Космик”, “Тэнгэр шиг бай” цомог маань ч хүмүүст танин мэдэхүйн эерэг зөв мэдээллийг нь өгөх гэж хичээсэн. Үнэн зөв мэдээлэл байхгүй учраас өнөөдөр бид энийг ч буруутгаад, тэрийг ч загнаад байдаг. Үнэндээ яг бид өөрсдөө л буруутан нь байдаг гэдгээ мэддэггүй. Соён гэгээрүүлэх гэж бид ярьдаг даа. Тэгвэл дуу хуураар дамжуулан хүмүүнийг засах үйл ажиллагаа бол хамгийн амархан. Түүнээс биш нэг улстөрч гарч ирээд засч залруулна гэж байхгүйг мэддэг боллоо. Урлаг, утга зохиол, спорт хүмүүсийг яагаад ингэж төлөвшүүлдэг юм гэдгийг бид өөр өөрийн шугамаараа хийх хэрэгтэй байгаа юм.

-“Космик”ийг би халаалт болгоод залуу зрителээ татах зорилготойгоор хийсэн. Миний есөн дуу багтсан. Ес дэх нь “Космик” нэртэй, бага хүү маань клипэнд нь тоглосон. “Утасны дугаар”, “Эргээд чамдаа ирнээ”, “Хайрыг минь сонс”, “Жинжиймаа”, “Хуучраагүй жинс”, “Үггүй мордсон чи минь”, “Баяртай гэж хэлж чадахгүй” гээд хит болж байсан дуунуудаа шинэчилж оруулсан. 1990-ээд оны залуус миний энэ дууг мэддэггүй. Сонсоод маш их таалагдаж байгаа. Сайн уран бүтээл цагийн уртыг даадаг гэдэг.

Данзанравжаагийн хийдэд очиж “Утасны чинь дугаар 03” дууны шинэчилсэн клипээ хийсэн. Нөхөр хүүхэд, дөч тавин уран бүтээлчдээ дагуулаад, өнөө онгоцоо чирээд явлаа даа. Зардал нь яаж гарах бол гэж бас санаа зовоостой. Амьдрал л юм даа. (инээв) Хийдийн хамт олон, орон нутаг маань биднийг сайхан хүлээж авсан. Алтангэрэл ах маань зураг авах их сайхан газар зааж өгсөн. Нэг нь шар, нэг нь улаан, дундуураа заагтай их гоё өвөрмөц газар зургаа авсан. Зураг авалтын үеэр нэг шөнө айхавтар элсэн шуурга бослоо. Нүүр нүдгүй юм боллоо. Тэгсэн найруулагч маань хэлж байна “Яг энэ үеэр зураг авмаар байна” гэнэ. “Яаж авах юм” гэсэнд “Фото зураг авна” гээд авахаар боллоо. Намайг өндөр дөрвөлжин тавцан дээр зогсоогоод , нөгөө хэд маань уяагаар татаад, даашинзыг маань бас барьчихсан, би уначих гээд бөөн л юм боллоо. Би чинь хоёр жилийн өмнө хөлөө хугалсан, тэнцвэр муу байсан болохоор өнөө шуурганд нь тэсэхгүй уначихсан. Амьсгаа авч болохгүй, хөдөлж болдоггүй. Өнөөдүүлдээ уурлана биз дээ, “Та нар л энэ абшигтай газар ухаж сэндийлээд байсан, тэрнээс боллоо” энэ тэр гээд дээж өргөөд сүйд болсон. Аз болоход тэнд бариач таарч бариулаад арай дээрдсэн. Бүр сарын дараа эдгэсэн дээ. “Космик”-ийн бичлэг, клипүүдийг хагас жил хийсэн. Тэр олон зураг авалт, хөгжмийн бичлэг, сурталчилгаа гээд асар их ажлын дараа нэг дууны клип таван минут гээд бодохоор бас л чамлалттай санагдсан шүү. Ирэх хоёрдугаар сард “Космик Ариунаа” гээд цомгийн баяраа хийнэ.

-“Космик” цомгийнхоо дараа гаргах “Тэнгэр шиг бай” цомогт дандаа шинэ уран бүтээл маань багтах юм. О.Дашбалбарын үг, Бямбабаярын ая “Тэнгэр шиг бай”, Д.Пүрэвдоржийн үг, Б.Шаравын ая “Тусгаар тогтнол”, “Монгол бүүвэй” гээд том дуунууд бий. Реппер Жи-тэй хамт “Хиж гөрөөс” гэж дуу хийсэн. Хиж гөрөөс гэж орк гэсэн үг. Бүр 13 дугаар зуунд байсан үг юм билээ. Оркуудыг монголчууд хиж гөрөөс гэдэг байжээ. Орк гэдэг үгийг хиж гөрөөс гэдэг үгээр сольж, моодонд оруулна. Бусдын юмыг булааж идсэн хүнийг хиж гөрөөс гэдэг байж. Амьтнаас ялгаагүй ухамсар муутай хүнийг хиж гөрөөс гэдэг юм байна. Хиж гөрөөс дотроо бас олон янз. Булай, булхай, боулхай гэж нэрлэдэг байжээ. “Космик” цомог маань дуу болгоныхоо өмнө нь тухайн дууны утга учрыг бичсэн тайлбартай. Өөрөөр хэлбэл сонсдог ном хэлбэрээр гарах юм.

-“Тэнгэр шиг бай” цомгийн дараа залгуулаад “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо хийнэ. Ирэх жилээс хийх төлөвлөгөө байна. Энэ удаа би дандаа залуустай хамтарч ажиллаж байна. Шинэ залуусыг гаргаж ирнэ. Би сая Орост П.Крикоровын “Я” гээд тоглолтыг үзлээ. Энэ тоглолтыг үзээд би “Хагас зуун жилТөмөрийн Ариунаа” тоглолтоо заавал хийх ёстой юм байна гэж бодсон. Бид хоёр нас чацуу юм байна. Ямар гоё, ямар нүсэр тоглолт болов оо. Тэндээс санаа авах, ажил хэрэг болгох зүйл их байнаа. Зочдоо хаана суулгадаг юм, бүжигчид нь яаж бүжиглэж байна, гэрэлтүүлэг, дэлгэц нь ямар байна гээд ажиглаж харж л явлаа.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ:Бяцхан оцон шувуу Пороро ба Монгол ардын үлгэрүүд

Орой бүр телевизээр гардаг “Пороро” хүүхэлдэйн киног бяцхан хүүхдүүд үзэх тун дуртай. Бяцхан оцон шувуу Пороро, үнэгний гавар Ээди, цагаан бамбарууш Бууби, минж охин Рүүпи, Хээри тоть, үлэг гүрвэлийн зулзага Короон, шидтэн луу Тунтун гээд дүр болгон өөр өөрийн ааш араншин бүхий энэ хүүхэлдэйн киноны үйл явдал ч соньхон. Пороро тэргүүтэй тосгоны тэрхүү жаалууд адал явдалтай аялал хийнэ, бие биенийхээ төрсөн өдрийг тэмдэглэнэ, тоглоно, шинийг зохион бүтээнэ гээд өдөр бүр завгүй байдаг. Тэд бас хоорондоо муудалцана, бие биенийхээ тоглоомыг булаацалдана, нэгийгээ хуурна, залхуурна, ажлаас бултана, сахилгагүйтнэ. Яг л бидний бяцхан үрс шиг араншин гаргана. Гэхдээ тэд нэгнээ гомдоосон бол заавал уучлал гуйдаг, эвдэлсэн зүйлээ засаж янзална, буруу зүйл хийсэн бол алдаагаа ухамсарлаад найзуудтайгаа эвлэрдэг. Найзууд нь ч нэгнийгээ буруу зүйл хийсэн бол уучилж, харин ч тусалдаг бөгөөд сайхан сэтгэлтэй найзуудаасаа ичсэн буруутан дахин тийм зүйл хийхгүй хэмээн өөртөө тангарагладаг. Заримдаа тэд хэрэлдэж мууддаг ч нэгнийгээ гэсэн чин сэтгэлийг нь мангас хүртэл үнэлж, магтаж байгаа тухай гарна. Киноны анги бүр сонирхол татам тэс өөр үйл явдлуудтай.

Тухайлбал, Тоглоомон машинаа харамлаад өгөхгүй байсан Корооныг унтаж байх зуур Пороро соронзоор машиныг нь татаж аваад зугатчихдаг. Короон сэрээд өнөөх соронзыг ашиглан Рүүпигийн цонхоор лаазтай загасыг нь сэмхэн авч иднэ. Ээдийгийн шинээр хийсэн тоглоомон онгоцыг нь нууцаар наалдуулж авна. Цааш Буубигийн цонхоор дахин өөр зүйл авахаар явж байх хооронд Пороро болон найзууд нь хэн ингээд байгааг гадарлаж, томоос том соронз өөдөөс нь бэлдэж Корооныг илчилдэг. Буруу зүйл хийсэн Короон найзуудаасаа ичиж, уучлал гуйх бөгөөд дараа нь найзууд бүгдээрээ соронзоор сонирхолтой гоё тоглоом хийж тоглодог. Энэ киноны үйл явдал, өгүүлэмж, сургамж зэрэг нь найзуудтайгаа яаж тоглох, ямар зан чанар муухай, асуудлыг яаж давж гарах зэргийг хүүхдүүдэд энгийнээр зааж өгдөг. Цаагуураа хүмүүжил, ёсзүйн хичээл болж байнаа гэж бодогдохоор.

Ийм кино үздэг хүүхдэдээ ном авч өгөхөөр номын дэлгүүр оров оо. Зураг хуар нь алагласан олон гоё номноос зурган өгүүлэмж ихтэй, үлгэрийн голдуу хэдэн ном сонгож аваад хүүхдэдээ уншиж өгөх гэтэл үнэхээр сэтгэлд хүрсэнгүй. Арга ядахдаа үлгэрийн төгсгөлийг нь өөрчилж уншлаа. “Өвгөн бар хоёр”-ын үлгэрийг бид мэднэ. Хүүхдэд зориулж гоё ч зурагтай хэвлэжээ. Аргат өвгөн, ухаант эмгэн хоёр арга ухаанаараа хүчтэй барыг ялж, айлгаж хөөх хүртлээ үйл явдал нь тун дажгүй. Харин чоно зугатаж явсан бартай тааралдаж, “эмгэн өвгөн хоёр хүчгүй очиж идье” гээд дагуулаад ирж явахыг харсан өвгөн “Аан, чоно чи нэг барын өртэй, тэрийгээ өгөх гэж явна уу” гэдэг. Үүнийг сонссон бар эргэж зугатахдаа чоныг чирч давхисаар байгаад алчихна.

“Могойн бөмбөр” нэртэй гоё зураг хуартай номоо унших гэтэл бас л төгсгөлийг нь өөрчлөхөөс өөр арга байсангүй. Үйл явдал нь: Могой их сайхан дуутай бөмбөртэй байжээ. Мэлхий тэр бөмбөрийг өөрийн болгох юмсан гэж боддог байв. Тэгээд нэг удаа бөмбөрийг нь түр хэрэглээд өгье хэмээн могойноос гуйж авна. Бөмбөр өгөх өдөр болоход “Уучлаарай, би болгоомжгүйгээсээ болоод хагалчихлаа” гэдэг. Дараа нь нэг өдөр могой мэлхийг өөрийнх нь бөмбөрийг тоглон дуулж бүжиглэж байхыг харжээ. Могой уурлаж тэр дор нь мэлхийг барьж иджээ.

Бид багаасаа үлгэр сонсож өссөн хүүхдүүд. Бодоод байхад монгол ардын үлгэрүүдийн дийлэнх нь дээрх хоёр үлгэр шиг төгсдөг. Сайн талын баатар нь ялж, муу талын баатар нь үхдэг. Эсвэл мангас руу явууллаа гэж аавынхаа толгойг хага цохиж алж байгаа хүүгийн тухай гарна. Монголчуудын амьдрах нөхцөл, дайн байлдаанаас сэдэвтэй үлгэр туульс тухайн цаг үедээ зохицоод болоод байжээ. Харин орчин цагт бол үнэхээр хоцрогдсон гэдгийг олон хүн хэлэх биз ээ. Хүүхэд амьдарч байгаа орчин, үзэж харж байгаа зүйлээсээ сурч, хүмүүждэг. Хэрэв нэг талын баатар нь ялж, нөгөө нь үхдэг үлгэр хүүхдүүддээ уншиж өгөөд байвал тэд буруу гэж бодсон хүнээ уучилж өршөөх сэтгэлгүй нэгэн болж өснө. Эсвэл хувиа хичээсэн, зожиг зан чанартай, “би” баатрууд олон төрнө.

Хүүхдийн номын гаднах зураг хөрөг сайжирсан ч агуулга нь энэ олон жилд өөрчлөгдсөнгүй. Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйд таарсан, хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхүйц, тэдний сонирхлыг татахуйц үйл явдал, өгүүлэмжтэй ном илт дутагдаж байна. Монгол ардын үлгэрүүд одоо хоцрогджээ. Энэ орон зайг нөхөх шинэ цагийн үлгэр, өгүүллэг хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Бид эрх мэдэлд хүрэхээрээ хонзон авдаг атгаг санаанаасаа салах хэрэгтэй

“Өдрийн сонин”-ы 2017.09.29-ний баасан гаригийн №211(5778) дугаараас авч нийтлэв.

Эрх мэдэлд хүрч, эдийн засгийн боломж нь сайжраад ирэхээр хүний зан чанар их өөрчлөгддөг гэдэг. Хуучин муусайн найзуудтайгаа дуугарахаа больж, ядарч зүдэрсэн үедээ хамт зүтгэж байсан хүмүүсээ голдог гээд олон янзын өөрчлөлтийн тухай ярьдаг. Гэхдээ иймэрхүү ахуйн чанартай гэмээр өөрчлөлт бол юу ч биш юм. Үүнээс цаадах, хүний амь амьдрал, хувь заяагаар нь тоглочихоод юман чинээ боддоггүй хүмүүс олон байна. Ер нь монголчууд хэн ч ялгаагүй УИХ-ын гишүүн болох, төр засагт боломжийн ажилд орох зэргээр гайгүйхэн албан тушаалтай болонгуутаа хамгийн түрүүнд хийдэг тогтсон нэг ажилтай болжээ.

Тэр нь хонзон авах. “Чи муу өмнө нь ингэж байл уу, одоо тэгвэл чамайг ажилгүй болгоно доо”, “Надтай муудалцдаг хэн бэ, шоронд хатаана даа”, “Миний хүнийг танай намынхан ажилгүй болгож байсан, одоо хариугаа авъя” гэсэн хэт богинохон, харалган бодолтнууд олширсноос төрийн ажил зогсонги байдалд орж, албан тушаалтнууд нэг нэгнээсээ хонзонгоо авахад л хамаг цаг хугацааг зарцуулдаг болжээ. Энэ нь УИХ-д сонгогдож байгаа гишүүд болон жил хүрэхгүй зайтай солигдож байгаа Засгийн газрын олон үйл ажиллагаа, халаа сэлгээнээс тодоос тод харагдаж байна. Өөрөө Ерөнхийлөгч болчихоод өмнөх Ерөнхийлөгчөө шоронд хорьчихож байгаа нь шударга ёс гэхээсээ өшөө авалт гэж л харагддаг. Олон түмэн ч тэгж ойлгодог. А.Сүхбат аварга УИХ-ын гишүүн болоод Монголын бөхийн холбоог булаан авч байгаа нь шударга ёс тогтоож байгаа хэрэг огтхон ч биш юм. Эрх мэдэлтэй болонгуутаа өмнө нь авч чадаагүй зүйлээ хүчээр хийх гэж буй оролдлого. Олон жилийн хүслээ биелүүлж, хонзонгоо авч буй хэрэг л гэж харагддаг.

Энэ мэт олон жишээ бий. Өмнөх парламентад байсан М.Батчимэг гишүүн сонины эрхлэгчтэй муудалцаад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль санаачилж, тогтмол хэвлэлийг устгангаа алдсан. Ж.Батзандан гишүүн гадаад нөхөртэй эмэгтэйтэй түнжин хагарч “гадаад эхнэр, нөхөртэй хүн төрийн албанд ажиллахыг хориглох тухай” заалттай хууль батлуулчих дөхсөн нь ердөө хэдхэн жилийн өмнө болсон явдал. Г.Уянга гишүүний ээж нь түрээслэгчидтэйгээ муудалцжээ. Охин нь гишүүн болж түрээслэгч нарыг ахиж сэхэхгүй заалттай хууль өргөн барьж батлуулчих дөхсөн гэдэг. Өөрийг нь байнга шүүмжилдэг хэдэн шар сониныг хаалгах гэж Ц.Нямдорж гишүүн Садар самуунтай тэмцэх тухай хууль санаачлан өргөн барьж байлаа.

Хэдхэн хоногийн дараа тамгаа өгөх гэж буй Ж.Эрдэнэбатын Засгийн газар төрийн албаны 51 хувийг өөрсдийн хүнээр дүүргэсэн гэдэг нь өмнөх Засгийн үед ажилд орсон хүмүүсийг халж, нөгөө намаас өс хонзонгоо авсны тодоос тод илэрхийлэл юм.

Монголчууд биднийг ноён зантай гэдэг. Үг даадаггүй, хуйсгануур, түргэн ууртай, өөрөөсөө бусдыг үнэлдэггүй бас бусдад итгэдэггүй. Нэг өглөө босоход өөрөө ч мэдэлгүй нэг хүний дайсан болчихсон байдаг. Яагаад гэхээр хэн нэгэн очоод хов ярихаар шууд итгэчихдэг хүн олон болсон. Хов ярьсан хүнийг хөөгөөд гаргахгүй, цаад наад учрыг нь тунгаалгүйгээр улам итгэж шадарладаг. “За тэр ч арай тэгэх хүн биш ээ” гэсэн уужимхан бодлын оронд “тэр муу тэгээд байхдаа яадаг юм” гээд өрвөсхийгээд ирнэ. Ялангуяа төрийн өндөр албан тушаалд очсон хүмүүс хов үгэнд итгэж, олон хүнтэй шууд л дайсан болдог.

Үүнээс л өнөө айхтар хэлмэгдүүлэлт, хонзон авалт эхэлдэг. 1937 оны хар хэлмэгдүүлэлтийг Коминтерний заавраар хийсэн гэх ч энэ нэр дор өөрийнхөө дургүй олон хүнийг өш санаж буудан хороосон явдал хэдэн мянгаараа тоологдоно. Эхнэртэй нь суух гэсэн өчүүхэн сэтгэлээс үүдэлтэй Лхүмбийн гэгч зохиомол хэргийн гайгаар гэмгүй олон зуун хүн хэлмэгдэж, үүнийг бодож олсон ногоон малгайтан өөрөө энэ эргүүлэгтээ орж алга болсон гэдэг. Орчин цагт энэ хэлмэгдүүлэлт ажлаас нь халах, бизнесийг нь булааж авах, шоронд хорих гэх мэтээр үргэлжилсээр байгаа. Ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой Ерөнхийлөгчийн “30 айлтай эвлэршгүй тэмцэнэ” гэж хэлсэн үг ч энэ нийгэмд сэтгэл сэртхийлгэм эвгүй сонсдож байна.

Өнөөдөр Монголын улстөрийн нэг үе солигдож байна. Шинэ Ерөнхийлөгч, шинэ УИХ-ын гишүүдтэй болсон. Одоо дахиад шинэ Засгийн газартай болох гэж байгаа. Энэ цаг үед дахиад хоморголон халахаа больж, хонзон авахаа хойш нь тавих хэрэгтэй байна. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг биш алдаа дутагдал гаргасныг л халдаг эрүүл тогтолцоог бүрдүүлэх цаг болсон. Тэгвэл төрийн алба төрлийн алба байхаа больж, дөрөв дөрвөн жилийн хугацаатай ажлаас нь хоморголон халдаг өшөө авалт зогсоно. Хэрэв ингэж чадах юм бол аль нэг улстөрийн намын төлөө үхэн хатан зүтгэдэг төрийн албан хаагч гэж байхгүй болж, нийгмийг хамарсан их улстөржилт, сонгууль дагаж хөөрч хөөсөрсөн бүхэн ном журмандаа орж, нийгэм эрүүлжинэ гээд олон олон сайн үр дагавартай. Одоо бол сонгуульд ялалт байгуулсан нам, түүнийг дагасан хэдэн хүний өшөө авалтаар ажлаасаа халагдах төрийн албан хаагчдын айдас хүйдсээс үүдэлтэй чөтгөрийн тойрог үүсчихжээ. Нэг нь ялаад нөгөөхийн тавьсан хүмүүсээ халдаг. Дараа нь нөгөө нь ялж баахан халаа сэлгээ хийдэг. Ийм л чөтгөрийн тойрог үүсээд олон жил боллоо. Хуучин нийгмийн үед дургүй хүнээ дээш нь гаргадаггүй, хэлмэгдүүлж бараг л үр удмаар нь устгадаг байсан бол одоо тэгж чадахаа больсон. Шорон оронд хийж, шүүх цагдаад дуудаж үхтэл нь дарамталдаг ч хэсэг хугацааны дараа дарамтлуулсан хүн нь төрд гараад ирдэг. Тэгээд нөгөөдүүлээ нухчих санаагаа хэрэгжүүлдэг. Ийм л хорон, хэзээ ч урагш явдаггүй тойргийг задлах ухаан одоогийн улстөрчдөөс гарах ёстой. Тойргоор дороо эргэлдэх биш, урагшаа шулуун шугамаар алхмаар байна. Чөтгөрийн тойргийг задлахад улстөрчдийн уужим ухаан, холч бодол, хонзон санадаггүй сэтгэл их чухал даа.

Нэг нам сонгуульд ялаад өөрийн гишүүдээ ажилтай болгоход яагаад болдоггүй юм гэх хүн байдаг. Намын гишүүд гэлтгүй ард олноо ажилтай байлгах нь төрийн үүрэг. Сонгуульд ялж төрд гарсан эрхмүүд сонгуулиар амлаад байсан үйлдвэрүүдээ барьж, дагуул хотуудаа хөгжүүлж, зөвхөн нүүрс зэс гэлтгүй мах, сүүгээ экспортлох ажлаа эхлээч. Бүтээн байгуулалт өрнүүлж байж ажлын байр нэмдэг болохоос төрийн албаны хэдхэн орон тоонд нэгийг нь халж нөгөөг нь тавих нэрээр асуудлыг шийддэггүй. Их бага гэлтгүй хөрөнгө оруулалт татаж, бүтээн байгуулалт өрнүүлэх зарчмаар ажлын байр нэмж гэмээнэ энэ улс орон чинь хөгжиж, ядарч зүдэрсэн ард түмний чинь нуруу тэнийх буй за.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Инээмсэглэлийн бас нэгэн ид шид

Инээмсэглэлийн ид шидийн тухай нэг өгүүллэг байдаг даа. Гундуухан алхаж яваа хүн рүү охин жигтэйхэн сайхан инээмсэглэж. Нөгөө хүний сэтгэл сэргэж найздаа талархаж амжаагүйгээ санаж захидал илгээн, захидал уншсан найз нь баярласандаа зөөгч залууд ахиухан цайны мөнгө өгдөг. Зөөгч залуу гуйлгачинд мөнгө өгөхөд гэдэс цатгалан болсон тэрбээр гудамжинд хөлдөх гэж байсан гөлгийг өрөвдөж гэртээ авчирна. Бүгд ид нойрондоо дугжирч байх үеийн үүр цүүрээр байшинд гал гарахад баяцхан гөлөг хуцаж эзнээ болон байшингийн хүмүүсийг сэрээн аварчээ. Энэ бол ганц инээмсэглэлийн ач тус.

Тэгвэл инээмсэглэлийн өөр нэгэн тусын талаар доктор Л.Хүрэлбаатар жиргэжээ. Тэрбээр “Инээмсэглэл нь биеийн төдийгүй оюун, сэтгэлийн өвдөлтийг 40 хүртэл хувиар бууруулдаг” гэсэн байна. Бие чинь өвдвөл инээмсэглэ. Оюун ухаан чинь ажиллахгүй бол инээмсэглэ. Сэтгэл чинь таагүй бол дахин инээмсэглэ. Үр дүнд нь хормын төдийд 50 хувь шахам илаарших нь. Бие чинь сэргээд ирэх нь. Үлдсэн 50 хувийн өвдөлтөө эм уугаад эсвэл хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягаар эмчилж болно.

Мөн инээмсэглэх төдийд эсвэл инээмсэглэх гэж байгаа мэт уруулаа хөдөлгөхөд хүний биеэс хөгшрөлтийн эсрэг даавар ялгарч эхэлдэг гэж байгаа. Дээрх баримтууд нь бүгд батлагдаж нотлогдсон үнэн юм.

Хүний бие өвдөх чилээрхэх үедээ өөрийгөө амархаан сэргээх хүч нь инээмсэглэл юм. Бид энэ хүчийг санаатай, санаандгүй байнга ашиглаж баймаар. Хөмсөг зангидаж, уурлаж суухын оронд хөгжилтэйхэн инээмсэглэж яваарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ?

Засгийн газар огцроод даруй хагас сарын хугацаа өнгөрсөн ч дараагийн Ерөнхий сайд хэн болох нь оньсого таавар мэт байсаар байна. УИХ дахь МАН-ын бүх гишүүд амаа хамхиад зугтжээ. Тэд Ерөнхий сайд хэн болохыг Намын бага хурлаар шийднэ гэсэн нэг л хариу хэлцгээж байна. Бодвол Бага хурлын бэлтгэл хангахаар өөр өөрийн нутаг руугаа явцгаасан биз. Хэнийг хэний төлөө санал өгүүлэхийг ятгаж сэнхрүүлэх ажил хийж яваа байлгүй. Сүүлийн үед өрнөж буй үйл явдал, хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл болон зарим нэгэн эх сурвалжийн өгүүлж буйг багцлан тоймлож хэн Ерөнхий сайд болох магадлалтай вэ гэдгийг тодруулах гээд үзье. МАН доторх фракцуудаас зориуд түгээж буй мэдээлэл, хэвлэлийн таамаг зэргээс харвал Ерөнхий сайд болохоор горилогсод чамгүй олон ажээ. Бүгд л дотроо “Тэр болж байхад би яагаад чадахгүй билээ” гэсэн бодол тээгээстэй. Гэхдээ хүн болгоны санаан зоргоор бүтнэ гэж юу байх. Хувь хүний нэр төр, зангараг, мэдлэг боловсролоос гадна нам дотроо хэний дэмжлэг авдаг, тухайн фракц нь хэр нэр нөлөөтэй болон бусадтайгаа хэрхэн тохирч чадах вэ гэдэг нь хамгийн том шалгуур билээ.

1. Ө.ЭНХТҮВШИН. Ерөнхий сайдад нэр дэвшихээ тэрбээр өчигдөр албан ёсоор зарлалаа. Уг мэдэгдэлдээ “Төрийн ажлын туршлагадаа үндэслэн, басхүү ахмад хүний хувьд нэг зүйлийг би шууд хэлье. Бүрэн хүмүүжээгүй, биеэ баттай засаагүй, үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдгийг бид 20 гаруй жилийн туршид хангалттай харлаа, амслаа. Энэ удаа насны үеэр нь бус, уг хүний үйлдэл, зам мөрийг харж сонголт хийх учиртай гэж үзэж байна” хэмээн онцолсон нь яах аргагүй өрсөлдөгчдөдөө хаягласан үг.

МАН-ын дарга байсан тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд намаа унагасан хэмээн даргын албаа сайн дураараа өгч байсан удаатай. Парламентад таван удаа сонгогдсон, намдаа нэр хүндтэй, чадварлаг боловсон хүчний нэг яах аргагүй мөн. Чуулганы хуралдаан дээр “Юманд эрэмбэ дараа, ээлж дугаар гэж бий” хэмээн хэлж байсан хүн. Тийм болохоор одоо өөрийнх нь ээлж, эрэмбэ дараалал болсон гэж үзэж буй байх. Намын дарга болохоосоо өмнө жигүүр удирдаж байсан Ө.Энхтүвшингийн хувьд хүчтэй эсэргүүцэл бага харагддаг. Засгийн газар унагахад дэмжиж гарын үсэг зураагүй нь ч түүнд бодлого, зорилго байсныг илтгэнэ. Сүүлд гарсан мэдээллээр Ө.Энхтүвшинг хотын фракцынхан дэмжих бөгөөд хэрэв Ерөнхий сайд болсон тохиолдолд Засгийн газрын талыг хотын фракцаас бүрдүүлнэ гэсэн тохироо хийсэн хэмээжээ. У.Хүрэлсүх, Сү.Батболд нарын фракцаас Ерөнхий сайдад нэр дэвшигчид яг ялна гэсэн хатуу итгэл байхгүй, элдэв янзын тохироо энэ тэрээ тултал нь хийж чадаагүй бол Ө.Энхтүвшинд эсэргүүцэл бага ирнэ. Ялангуяа нэр хүнд өндөр, шударга, нэг бүлэглэлийг улайран дэмждэггүй тэрбээр фракцуудын зөрчилдөөн дундаас гараад ирэх боломжтой юм.

2. У.ХҮРЭЛСҮХ. Ерөнхий сайд болно гэж горилогсдоос түүнийг хамгийн магадлалтай хэмээн яригдаж байгаа ч саад тотгор чамгүй их бий. “Би байгаа цагт Хүрэлсүхийг намын дарга болгохгүй” гэж М.Энхболд хэлсэн хэмээх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байдаг. Ямартаа ч Засаг унагахгүй хэмээн кноп дарсан 32 дээр санал хураалтад байгаагүй гурван гишүүн нэмэгдэж түүний эсрэг санал өгнө. Сү.Батболдын фракцынхантай яриа тохироогоо сайн хийж чадахгүй бол Ерөнхий сайд болох хамгийн магадлал өндөртай хэмээн харагдаж байвч цагаа тулахаар У.Хүрэлсүхийг дэмжих хүч сул гэж улстөрийн хүрээнийхэн ярьж байна. Ерөнхий сайд болсон ч нэг их удахгүй гэх. Тэрбээр одоо бага хуралдаа найдлага тавьж, хамаг хүчээ дайчилж байгаа байх. Учир нь намын гишүүд дотроо нэр хүнд дажгүй сайн яваа. Мөн өнгөрсөн бүтэн жилийн турш хөдөөгүүр хэрэн хэсч уулзалт хийсэн нь жирийн гишүүдийнхээ итгэлийг олоход чиглэгдсэн. Ингэж явсан нь хэр үр дүнтэй эсэх нь одоо харагдах байх. Одоо У.Хүрэлсүх шиг хүн намыг удирдаж, нэр хүндийг нь өсгөх ёстой гэж олон хүн үздэг, дэмждэг.

3. Н.ЭНХБОЛД. Мэдлэг, туршлага, парламентад сонгогдсон байдал зэргээрээ яалт ч үгүй намдаа жин дарах хүний нэг. Ямар нэгэн хэл ам, хэрүүл шуугианаас ангид байж чаддаг. С.Баяртай найз нөхөд гэдэг тэрбээр Ерөнхий сайдын ажлыг чадмаг хийх мэдлэг туршлагатай. Магадгүй засаг огцруулахад гарын үсэг зураагүй нь ч үүнтэй холбоотой байх. Харин тэрбээр нам дотроо дэмжлэг бага харагддаг. Засаг унагах гарын үсэг зурсан гишүүд болон хотын фракцынхан түүний эсрэг санал өгнө гээд бодохоор дэмжлэг авах магадлал тун бага юм.

Related image4. Ч.ХҮРЭЛБААТАР. МАНын бэлтгэгдсэн боловсон хүчний нэг. Түүнийг Сү.Батболдын фракц гэдэг. Сү.Батболдын хувьд намын дарга, Ерөнхий сайд байсан энэ намын том төлөөллийн нэг. Гэхдээ эдний фракцынхан намдаа эзлэх жин бага. Эднийг хэвлэлээр баян тарган гэж их шүүмжилдэг. Уул уурхай, оффшорын асуудлаар хэл аманд байнга л ордог. Ч.Хүрэлбаатарыг Сү.Батболд гэж хараад намынхан нь дэмжихгүй байх магадлалтай. Гэхдээ фракц болгонд байх нутгийн гэх фактор үйлчилж мэднэ. Н.Энхболд, Ч.Хүрэлбаатар хоёр өрсөлдсөн тохиолдолд нэг нь нөгөөдөө найр тавьж нэрээ татах хэмжээний ойрын найз нөхөд гэдэг.

Сү.Батболдын гэгдэх фракцад Д.Цогтбаатар гээд мэдлэг чадвар, боловсрол өндөртэй залуу бий. Намын дарга, Ерөнхий сайдын албыг чадмаг хийгээд явчих залуу гэж түүнийг масс үнэлдэг. Гэхдээ түүний нэр энэ удаагийн Ерөнхий сайдын алба горилогсод дунд байхгүй. Дашрамд хэлэхэд, Засгийн газар унагахад Сү.Батболдыг гарын үсэг зурсанд олон хүн гайхшран хүлээж авсан. Өөрөө Ерөнхий сайд байсан, жаргал зовлонг нь хамгийн их ойлгох ёстой хүн байтал унагах гарын үсэг зурсанд одоо ч хүмүүс дургүйцсээр байдаг юм билээ.

Image result for Ж.ЭНХБАЯР5. Ж.ЭНХБАЯР. Намын шинэчлэл, шударга ёс ярьж засаг унагах санал санаачилга өрнүүлсэн залуу гишүүдийн төлөөлөл. Ж.Энхбаярыг хотын фракц буюу М.Энхболдын хүмүүс бүгд эсэргүүцнэ. Сү.Батболдынхон дундыг барина. Тиймээс хэрхэн тохироо хийсэн эсэхээс хэр санал авах нь хамаарна. “Бидний үе ирсэн” гэж ярьдаг түүнд Ерөнхий сайдын суудал ойрхон харагдаж болох ч энэ удаа нэр дэвшихгүй, бүр сайд ч болохгүй гэж ярьсан сурагтай. Тэгвэл У.Хүрэлсүхийг дэмжин ажиллах нь тодорхой. Тэрбээр 2020 оноос арай буурь суурьтайхан хөдлөх төлөвлөгөө боловсруулсан шигээ алхаж яваа гэх.

6. Ц.НЯМДОРЖ. Хэдийгээр Ц.Нямдоржийг Ерөнхий сайд болно гэсэн мэдээлэл мэр сэр гарч буй ч өөрөө нэр дэвшихгүй байх. Түүнд өнөөдрийн энэ албан тушаалаас илүү арай холыг харсан нүүдэл буй гэлцдэг. Хурц шударга үгтэй, фракц энэ тэрд харьяалагдаад байдаггүй тэрбээр намдаа төдийгүй олон түмний дунд ч нэр хүндтэй. Гэхдээ намын зарим залуу гишүүд түүнийг яг ярьж байгаа шигээ шударга хүн мөн эсэхэд эргэлздэг гэнэ лээ.

Related image7. Д.ХАЯНХЯРВАА. Түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшинэ гэж байсан ч өөрөө үгүйсгэсэн.

Одоогоор Ерөнхий сайдад яригдаж буй нь дээрх хүмүүс. Эднээс хамгийн магадлал өндөртэй хоёр нь У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нар. Аль аль нь санал өгөх хүмүүсээ багцлан ярьж тохирсон бөгөөд тоогоо бодоод гаргачихсан гэх. Тоогоо бодоод гэдэг нь Бага хурлын 330 гишүүний хэдийг нь өөрийн талдаа татсан гэдгээ тооцсон гэсэн үг.

Ямартаа ч өчигдөр орой Ө.Энхтүвшин Ерөнхий сайдад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдлээ. Түүнийг хотын фракц буюу М.Энхболд дэмжиж байгаа, Ерөнхий сайд болсон тохиолдолд танхимаа яаж бүрдүүлэх тохироогоо хийсэн гэх яриа ортой бололтой. Тэрбээр нөгөө талд буй У.Хүрэлсүх тэргүүтэй залууст “Надад туршлага байна. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүнд эрх мэдлийг атгуулах нь нялхаст шүдэнз бариулахтай адил зовлон болдог” хэмээн анхааруулаад авав. МАН-ын Бага хуралд М.Энхболдын хотын фракц илүү жин дардаг, нэр нөлөөтэй гэдэг. Тэр үнэн бол Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болох магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр уулзаж байгаа мэдээлэл хэвлэлд хэд хэд гарсан. Тэдний харилцаа өөрчлөгдөж, шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, цаашлаад намын даргын талаар ярилцаж тохирсон гэх мэдээлэл бий. Ингэх ч шалтгаан байна. Үүнд Т.Бадамжунай гэх хүний үүрэг оролцоо их бий гэдэг. Нэгэн цагт У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нар улсын мөнгө идсэн уусан хэрэгт эрүү үүсгэн шалгагдаж байсан түүхтэй. Тэр үед зовлон нэгт хоёр ах дүүс шиг болсон гэдэг. Т.Бадамжунайг хэзээнээс М.Энхболдын баруун гарын хүн гэдэг. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын харилцаа Т.Бадамжунайн тусламжтайгаар сайжирсан гэх яриа байна. Мөнхийн дайсан гэж байдаггүй. Мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг. Тэрсэлдэж, бие биенээ үзэн ядаж байсан хүмүүс ямар эрх ашиг нэгтгэгдэн яриа тохироо хийсэн эсэхийг цаг хугацаа харуулах буй за. Мөн Засаг унагах хүртлээ тохиролцож ярьж чадаагүй хүмүүс одоо нэг зүгт харна гэж байхгүй. Эцсээ хүртэл өөр өөрийн үзэлдээ үнэнч байх хүмүүс ч гэдэг. Дээр дурдагдсан хүмүүсээс гадна огт нэр гараагүй шинэ хүн гаргаж ирэх боломжтой ч төдийлөн оновчтой хувилбар биш юм.

Энэ удаа ил өрнөж буй үйл явдал, мэдээ мэдээдэлд анализ таамаглал хийлээ. Хөшигний цаана хэн хэнтэй уулзаж, ямар яриа тохироо хийсэн нь цаашид өрнөх үйл явдлуудаас тодорхой болох биз ээ.

Эцэст нь хэлэхэд, ямар ч хүн Ерөнхий сайд боллоо гэхэд бодлогын зоригтой өөрчлөлт хийхгүй бол удаан тогтохгүй. Ингэхдээ эдийн засгийн ямар ямар бүлэглэлийн эрх ашгийг хөндөх вэ гэдгээс бас шалтгаална. Мөн Ерөнхийлөгчтэй нийлээд намаа хөөдөөд хаячихгүй хүн байх хэрэгтэй. Энэ бүх эрх ашгийг нэгтгэж чадах хүн Ерөнхий сайд болж бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийхгүй бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хувь заяа давтагдана. Өнгөрсөн үйл явдлаас харж байхад намууд дураараа дургиж, аль нэг бүлэглэл, эрх ашгийн төлөө илэрхий зүтгээд байвал ард түмэн УИХ-ыг тараах хүртэл сэтгэлзүйн бэлтгэлтэй болжээ. Тийм учраас шинэ Ерөнхий сайд ард олны сэтгэлд нийцсэн, тэднийг тайвшруулахуйц хэмжээний хүн байх ёстой. Үүнийг тоохгүй байж болохгүй. Намыг сохроор дагадаг байсан ард түмэн өөрчлөгдсөн. Бидний төлөө юу хийх вэ гэдгийг гярхай ажиглан харж, үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцдог ард түмэнтэй шүү гэдгээ эрх баригчид мартах учиргүй.