Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон юм. Өдгөө дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 25 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг угтан олон улсын Хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллага улс орнуудад Хэвлэлийн эрх чөлөө ямархуу хэмжээнд байгаа талаарх судалгааг гаргадаг. 2016 онд Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 180 орноос 54 дүгээрт жагсаж байв. Өнгөрсөн он буюу “Хэвлэлийн эрх чөлөөний индекс-2017” тайлангаас харахад Монгол Улс 180 орноос 69 дүгээрт бичигджээ. Энэ нь өмнөх оноос есөн байраар ухарсан үзүүлэлт юм. Өнөө жилийн хувьд мөн л хоёр байраар ухарч 71 дүгээрт эрэмбэлэгдэж. Мөн Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд багтсан хэвээрээ байна. 1990 онтой харьцуулахад дээрх үзүүлэлт хавьгүй өндөр боловч Хэвлэлийн эрх чөлөөтэй байдал жил бүр муудаж байна. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад улс төрөөс хараат байдал нэмэгдэж байна гэж судлаачид холбон тайлбарлажээ.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол зорилго нь чөлөөт хэвлэлийн үзэл санаа, зарчмыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэхэд оршдог. Мөн энэ өдөр албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай юм. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр ЮНЕСКО-гийн захирал дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байгаа сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж илгээлт гаргадаг. Мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжийг одоогоос 250 жилийн өмнө, өнөөгийн Швед, Финланд улсын газар нутагт анх албан ёсоор баталсан байдаг. Харин одоогоос 27 жилийн өмнө Намиби улсад олон улсын сэтгүүлчид өөрсдийн дуу хоолойг нэгтгэхээр цуглан Виндхукийн тунхаглалыг баталсан нь НҮБ-аас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх эхлэлийг тавьсан гэдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг баталгаажуулсан үндсэн зарчмуудыг хамгаалах зорилгоор батлагдсанаараа Виндхукийн зарчмууд алдартай юм.

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөтэй байдлаар жил бүр ухарч байгааг хэвлэл мэдээллийн байгууллагад улс төрийн нөлөөлөл ихэсч байгаатай холбон тайлбарласныг дээр өгүүлсэн. Үнэхээр манай эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр энэ салбарынханд өвөрмөц содон бэлэг барьдаг муу заншилтай. Тухайлбал, хоёр жилийн өмнө УИХ-аар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байх явцад сэтгүүлчдийг их хэмжээний мөнгөөр торгох, эсвэл баривчлах тухай заалт оруулж байсан нь яг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнөхөн болсон үйл явдал. Мөн одоогоос хэдэн жилийн өмнө яг л Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр кабелийн долоон сувгийг хаасан. Сэтгүүл зүйн 100 жилийн ой буюу 2013 оны гуравдугаар сарын 11-нд Засгийн газраас кабелийн телевизийн есөн сувгийг хааж байлаа. 2008 онд Өвөрхангай аймгийн “Өвөрхангайн сонин” сонины эрхлэгч Б.Жавзансүрэн “Үдийн цай” хөтөлбөр Өвөрхангай аймагт хэрхэн хэрэгжиж буй талаар үнэнийг дэлгэн бичсэнийхээ төлөө тавдугаар сарын 3-нд шүүхээс ял сонсож байв.

Өнөө жил ч гэсэн яаж зүгээр байхав, УИХ-ын чуулганаар Цахим бодлогын түр хороо байгуулахаар хэлэлцэж байна. Ингэснээр нийгмийн сүлжээнд зохицуулалт хийх юм гэнэ. Өөрөөр хэлбэл, хянаж цагдах л гэж байгаа бололтой. Цахим сүлжээ нь нийгэмд бугшиж буй идээ бээрийг шахахад өөрийн хувь нэмрийг тодорхой хэмжээнд оруулсаар байгаа. Нийгмийн сүлжээнд нэр устайгаа тавигдчих вий, бичлэг энэ тэр хийчих вий гээд хүмүүс бүдүүлэг аашлахаас эмээж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн цахим орчинд хариуцлагатай байх гэдэг ойлголт яах аргагүй үгүйлэгдэж байгаа нь үнэн юм. 50 мянган дагагчтай нэгэн өөрийн үзэмжээр хувь хүн, байгууллагын нэр хүндэд халдаж худлаа мэдээлэл цацах, нийгмийг төөрөгдүүлсэн зорилготой мэдээлэл түгээх зэргийг хариуцлагажуулах нь зүйн хэрэг. Гэхдээ өдөр мундсан биш, Монголын төр заавал Хэвлэлийн эрх чөлөөний өдөртэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж боомилох, сэтгүүлчдийн эсрэг хууль гаргах, шүүх цагдах зэрэг үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг нь гайхалтай.

Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидтэй холбоотой зүйл биш. Хүний эрхийг, нийт ард түмний эрхийг хамгаалахын тулд л хэвлэлийн эрх чөлөөг онцгойлж үздэг. Мэдээлэлтэй байх хүний язгуур эрх чөлөөг хамгаалахын тулд Хэвлэлийн эрх чөлөөний тухай ярьдаг юм. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол ардчиллын үндэс суурь. Ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа юм. Хоёр том гүрний дунд өөрийн эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалан үлдэх хамгийн зөв бодлого бол ардчилал билээ. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний үр шимийг ард түмэн нийтээрээ хүртдэг юм. Өдөр тутмын мэдээллээс эхлээд хаана шударга бус явдал үүрлэж, хаана хүний эрх зөрчигдөж байгааг хэвлэл мэдээллийн байгууллага л нийгэмд үнэн зөвөөр нь хүргэж байдаг. Монголын түүхэнд хар үсгээр бичигдэх “Долоон сарын 1-ний үймээн”-ээр гэм зэмгүй хэдэн мянган хүн баривчлагдан хоригдсон. Тэднийг хориод эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж эхлэхэд бүгд л “Хэвлэлийнхнийг дуудаач” гэцгээсэн байдаг. Харамсалтай нь, тэр үед бүх хэвлэлийг хаачихсан байлаа. Хэвлэлийн эрх чөлөө гэж ямар үнэ цэнэтай байдгийг тэгэхэд ойлгосон гэж хожмоо тэд ярьсан байдаг.

Долоон сарын 1-ний тэр үетэй харьцуулахад өдгөө цахим, сошиал мэдээлэл хүчтэй хөгжиж байна. Мэдээллийн хурд, хүртээмж зэрэг сайн тал олон бий. Гэхдээ цахим сүлжээ, цахим мэдээлэл хүмүүсийг буруу зүйлд уриалбал ямар хор уршиг дагуулдгийг өнгөт хувьсгалууд харуулж байна. Ийм болохоор сүүлийн үед цахим орчин өөрсдийнхөө нэрийг хугалж эхэллээ. Ямартаа ч цахимаас уншсан мэдээлэлдээ үнэн гэж итгэдэг хүн цөөрч байна. Хүмүүс хэвлэмэл цаасан хэвлэлийг уншиж байж мэдээлэлд бат ноттой итгэдэг гэдэг. Тиймээс цаасан хэвлэл үнэ цэнэтэй, хариуцлагатай байдаг хэмээн судалгаагаар байнга гардаг юм.

Тусгаар тогтнол, ардчилал гэдэг бол ард түмний амин чухал зүйл. Энэхүү амин чухал эрх ашгийг нүд цавчилгүй манадаг манаач нь хэвлэлийн эрх чөлөөг тугаа болгосон хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид юм. Магтуулж, муулуулж есөн өнгөөр хэлүүлсэн ч хүмүүсийн мэдэх эрхийн төлөө гутлаа ханзартал гүйж яваа Та бүхэндээ удахгүй болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд хүргэе ээ.

Categories
мэдээ цаг-үе

Гавьяат тамирчин Г.Жамсран: Бөхийн буянаар сайхан амьдарч явнаa

Зүүнээс: Гавьяат тамирчин Г.Жамсран, гавьяат тамирчин Д.Нямхүү, арын эгнээнд Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт С.Ням-Очир

1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр уран торгон барилдаанаараа бөхийн хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлж, дэлхийн чихийг “дэлдийлгэж” явсан хүчитний нэгэн болвоос самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Галдангийн Жамсрантай ярилцлаа. Түүний төрсөн дүү Г.Баатарсүрэн дэлхийн залуучуудын аварга, ахынх нь хүү гавьяат тамирчин Дамдинсүрэнгийн Нямхүү дэлхийн аварга, эгчийнх нь хүү гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир олимп, дэлхийн аваргын хүрэл медальт жүдоч болой.


-Бөх, морь удам дагах нь элбэг. Таны дээд үед бяртай, бүлтэй хүн байсан л байлгүй?

-Би Увс аймгийн Тэс сумын хүн. Тэсийн голын хөвөөнд төрж өссөн. Манай дээд удамд аймгийн цолтой бөхчүүд байсаан. Улсын наадамд барилдсан бол юм дуулгаж мэдэх л байсан биз. Тухайн үеийнхэн хотод очиж барилдах нь ховор байж.

-Нутагтаа л зодоглож, ард түмнээ баясгадаг байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Аймгийн арслан Арслан, аймгийн заан Зана гэж ах дүү бөх байв. Миний авга ах нар.

-Аав тань барилддаг байсан болов уу?

-Дээр үед улаач хийдэг байгаад сүүлдээ сургууль соёлын мөр хөөж сумандаа дарга, энэ тэр хийж насыг элээсэн хүн.

-Хөдөөний хүүхдүүд хөлд орсон цагаасаа л үе тэнгийнхэнтэйгээ дээл хувцсаа тэсгээлгүй ноцолдож өсдөг. Тэр жишгийг ч та тойроогүй нь лав. Харин бөх болоход тань хамгийн ихээр “уруу татсан” хүн хэн бэ?

-Манай сумын биеийн тамирын багш Д.Чойжилсүрэн. Намайг дөрөв, тавдугаар ангид байх үеэс багш бөхийн секц хичээллүүлж эхэлсэн юмдаг. Суманд тусгай заал танхим гэж ямар юм байхав. Нэг ангийг чөлөөлж байгаад бор эсгий давхарлаж дэвсээд л үзэж тарж, үсэрч наадна шүү дээ. Хичээлийн байр галлагаатай болохоор түлээ модоо ч өөрсдөө бэлтгэнэ. Баахан ноцолдож байгаад босоод ирэхэд өмссөн хувцас, ам хамраар л бөөн хялгас. Дур байхад тэр зэрэг бол юу ч биш. Манай секцнээс аймгийн арслан Балдорж, Гүржав гээд олон сайн бөх төрсөн.

-Үндэсний бөхөөр л барилдуулдаг байв уу?

-Үгүй ээ, чөлөөтөөр.

-Мэдээж бэлтгэл хийж байгаа юм чинь уралдаан тэмцээний утаа үнэрлэж үзэж эхлээ биз?

-Зургадугаар ангид байхдаа жиндээ аймгийн аварга болсон.

-Хэдэн кг-д барилдаа вэ. Олон хүүхэд зодоглосон уу?

-48 кг. Сум болгоноос нэг хүүхэд ирж барилдаж байсан санагдана. Тэгтэл улсын аварга шалгаруулах тэмцээнд надад ялагдаж хоёрт орсон Сүхбаатар гэдэг хүүхдийг явуулчихаж билээ.

-Яагаад аваргаа явуулаагүй юм бол?

-Намайг нас бага байна гээд. Түрүүлсэн хүүхдийг явуулсангүй гэж ах маань Лхамаа начинтай маргалдаж байсан нь санаанаас гардаггүй. Дараа жил нь бас аварга болсон. Наймдугаар ангид байхдаа самбоор барилдаж аймгийн аварга болсон юм байна. Тэр жил манайх хот руу шилжсэн. Аав хотод ажиллахаар болсон юм.

-Есдүгээр ангиасаа хотод суусан гэсэн үг үү?

-Тийм ээ. Манайх Яармагт байсан болохоор 41 дүгээр сургуулийг төгссөн.

-Хотод ирээд бэлтгэлээ хаана хийдэг болов?

-Х.Намшир багшийн шавь болсон. Наашаа явахад Д.Чойжилсүрэн багш надад захиа өгч явуулсан юм. Намшир багшид өгөөрэй гэж. Бодвол түүндээ намайг секцэндээ аваарай гэж захисан байсан биз.

-Намшир гуай тэр үед хаана дасгалжуулагчаар ажиллаж байсан юм бэ?

-“Хөдөлмөр” нийгэмлэгт. Надад бөх хүний үнэр, тамир оруулсан ачтан. Түүнд би үргэлж баярлаж явдаг. Хичээлээ тарж гэртээ харингуутаа ус, түлшээ гялалзтал бэлтгэчихээд секцэндээ явна. Яармагаас эртхэн гарахгүй бол 15 цагийн бэлтгэлээс хоцорчихно. Тэнд хүүхдүүдтэй баахан барилдчихаад буцахдаа Арьс ширний үйлдвэрийн ажилчдын ордонд очиж үйлдвэрийн ажилчдад хэсэг “нухуулж” аваад үдэш л гэрийн бараа хардаг сан.

-Дэмий тэнээд гэж аав ээж тань чихнээс хонх уяхгүй юу?

-Үглэнэ ээ. “Чиний бөх болно гэж юу байсан юм. Чадахгүй байж гар хөлөө гэмтээчихнэ” гэнэ. Гэвч би гандан буурахгүй яваад л байдаг байсан. Есдүгээр ангидаа самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцоод мөнгөн медаль авчихдаг юм. Манай гэрийнхэн ч баярлаад л, хүү нь анхны медалиа авсан юм чинь арга ч үгүй биз. Түүнээс хойш аав ээж юм хэлэхээ больж харин ч дэмждэг болсон.

-Дунд сургуульд байхдаа та үндэсний бөхөөр барилддаггүй байсан юм аа даа?

-Барилдана аа. Аравдугаар ангид байхдаа Пионер сурагчдын спартакиадаар барилдаад мөнгө авсан. Тэгэхэд хожмын улсын начин З.Дэлгэрдалай Баянхонгороос ирж түрүүлж байлаа.

-Таныг оюутан байхаасаа л жиндээ тасарч эхэлсэн гэж ардын багш Ц.Дамдин агсан ярьж байсан…?

-Аравдугаар ангиа төгсөөд би МУИС-ийн барилга, замын машин механизмийн ангид орсон юм. Тэнд Д.Ганцагаан багшаар их юм заалгасан. Намайг их сургуульд ороход Ц.Дамдин маань хоёрдугаар курст байлаа. Бид хоёр урд жил нь Архангайд болсон улсын аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээний үеэр танилцсан юм. Дараа нь улсын шигшээ багт хамт барилдаж байлаа. Шигшээгээс хасагдталаа л хамт явсан даа. Нас, жин ойролцоо болохоор хоорондоо мөн ч их барилддаг сан. Тэр нь нэгийгээ амжилт гаргахад их нөлөөлсөн гэж би боддог. Үргэлж хамт явдаг болохоор хүмүүс андуурч нэр солих явдал гардаг л байлаа.

-Таны жингийн гол өрсөлдөгчид хэн байв?

-Эхлээд Я.Доржид нэг хэсэг даруулсан. За тэгээд Дөшчулуун, Эрдэв гээд мундагчууд олон байсан. Хүрэлбаатар, Санжаасүрэн, Түвшинжаргал… гээд олон бөх байлаа. Нэг жинд арваад “хатуу гар”-тай тулдаг байв.

Самбо, жүдогийнхон нэг шигшээд барилддаг байсан болохоор бид Европын орнуудад болдог цуврал тэмцээнд оролцох гээд хоёр, гурван сараар явчихдаг байлаа.

Цаг ч сайхан байж. Байр, хоол, унааны зардлыг бүгдийг улсаас даана.

-1980 оны Москвагийн олимпод та барилдаагүй юм уу?

-Я.Дорж явсан. Би улсын аваргаар хоёрт орсон. Д.Түвшинжаргалд ялагдаад.

-Уртын дууч Түвшинжаргал уу?

-Тийм. Түүнийг уг нь дураараа л буулгаж авдаг байсан ч яг улсын аваргын тэмцээнд ялагдчихсан. Харин 1984 оны Лос-Анжелесийн олимпод барилдах боломжтой байсан ч харамсалтай нь социалист орнууд оролцоогүй.

-Сүүлдээ “Найрамдал-84” тэмцээн болж хувир луу?

-Тэгсэн. Польшид болсон жүдогийн тэмцээнээс би хүрэл медаль авсан.

-Жүдогоор таны гаргасан хамгийн том амжилт юу вэ?

-Дээрх хүрэл медаль. Мөн Румын, Германд болсон олон улсын тэмцээний хоёр мөнгө, Солонгосоос авсан хүрэл медаль бий.

-Самбо барилдааны дэлхийн аваргын таван алтны тань түүх бас л сонин байх даа?

-Нэг их сонинсоод байх юу байхав. 1981 онд дэлхийн залуучуудын аварга болж, улмаар насанд хүрэгчдээс 1983, 1984, 1987 онд алт авчирч, 1988 онд Японд дэлхийн цомын аварга болсон. Дэлхийн аваргын зургаан мөнгө, нэг хүрэл медальтай.

1985 онд самбо, жүдогийн улсын шигшээ баг тусдаа салахад би Сургалтын төвийн багшаар очсон юм. Уг нь жүдогоороо барилдсан бол ч… гэж хааяа боддог. Самбо, самбо гэсээр л дууссан хүн дээ.

-Багш болсон юм чинь олон шавьтай болоо байлгүй?

-Хэдэн шавьтай болсон. Миний жинд Болдням гэдэг хүүхэд бусдаасаа тасраад гараад ирсэн. Тэгээд ч би шавьтайгаа ноцолдоод байлтай биш гэж бодоод барилдахаа больсон. Одоогийн заан О.Одгэрэл эднүүс чинь тавдугаар ангийн жоохон хүүхдүүд байлаа.

-Ид байхад тань аль улсын бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байв?

-Тухайн үед оросууд л байлаа. Тэд ч эвгүй шүү.

-Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх хаана болсон юм бол…?

-Иранд. Самбо бөхийг амархан барилдаан гэж зарим хүн хэлдэг. Тийм биш.

Ухаан нь Японы сайн жүдоч самбоор барилдаад эхний даваанд л ялагдаж байгаа юм. Манай З.Ойдов гуай ч нэг удаа барилдаж үзээд толгой сэгсрээд больсон удаатай. Өөр төрлөөр барилддаг хүнийг бүсдээд юм уу, гарыг нь таллаад барьчихаар яаж ч чаддаггүй. Түүнтэй адил би ч гэсэн чөлөөтөөр барилдаж чадахгүй.

-Багадаа чөлөөтөөр барилдаж байсан хэрнээ юү?

-Тууштай хичээллээгүй, самбоор дагначихсан болохоор болдоггүй юм. Самбо бөх үндэсний бөхтэй төстэй. Багаасаа дээлтэй ноцолдоод сурчихсан улсад их ойр. Хэвтээ барилдаад л сурчих юм бол босоогоос ядах юм үгүй.

-Хийх дуртай мэх тань. Дархан ч гэж хэлж болохоор…?

-Тонгордог байлаа. Баруун ташаатай. Тийм болохоор баруун тонгорно. Хутгана. Сүүлдээ ч этээ, үүрээ, хөмрөөг эвийг нь таарвал хийж л орхидог болсон доо.

-Санааны мухарт үлдсэн, одоо ч харамсаж явдаг барилдаан байх уу?

-Түвшинжаргалд ялагдсан барилдаан л байх шив.

-Үндэсний бөхөөр та аймгийн арслан бил үү?

-Тийм ээ. Гэхдээ аймгийн арслан ч надад ахадсан цол.

-Яагаад…Та хаана түрүүлж арслан болоо вэ?

-Аймагтаа. Тойргийн барилдаанд түрүүлэхэд цол өгдөг байсан. Тэгээд л авчихсан юм. Би дуртайдаа л улсын наадамд зодоглож гурав давбал сэтгэл ханачихдаг байлаа.

-Зүтгэсэн бол улсын цол авчих хэмжээнд байсан юм биш үү?

-Үгүй дээ. Хүмүүс начин болохын төлөө улайртал зүтгээд байхыг хараад би гайхдаг байв.

-Юуг нь тэгтлээ гайхна вэ?

-Тухайн үед спортын мастер болоход тавин төгрөгийн цалинтай байсан. Гэтэл улсын цол авлаа гээд ямар ч урамшил шагнал байхгүй. Ийм байхад цол авах гэж юунд нь тэгтлээ дурладаг байна гэж бодоод л. Хүчээрээ л авч чадахгүй юм бол хүн гуйхын хэрэг юу байна. Гэвч хүний хүсэл сонирхол гэдэг сонин юм даа. Улсын арслан Ж.Хайдав гуайг мэднэ биз дээ?

-За тийм..

-Нэг жил Хайдав гуай намайг дөрвийн даваанд амалдаг юм. Тэгснээ хэлж байна. “Увсын дөрвөн залуу гурав давчихлаа. Дөрөв давсныг нь би авдаг юм бил үү” гэж байна. Талбайд гарсан хойно “Цаадуул чинь дөрөв давж чадахгүй бол яана аа. Ер нь чи дөрөв давах юм уу” гэдэг байгаа. “Яалаа гэж, та дав” гээд би ч унаад өгсөн.

-Нөгөө дөрөв чинь юу болсон бэ?

-Ганц нь ч дөрөв даваагүй. Ж.Хайдав гуайг Д.Цэрэнтогтох аварга тавын даваанд амалж аваад давчихсан. Хайдав гуай бас л сонин байсан байгаа биз. Ахмад үеийнхэн маань тийм л нүнжигтэй, хээгүй улс.

-Гэр бүлийнхнээ танилцуулна уу?

-Эхнэр Б.Буянхишиг эмч. Энэ амьдралын маань зовлон жаргалыг хуваалцаж Жамсрангийнх гэдэг айлын нэрийг өргөж яваа ачтан. Манайх хоёр хүү, нэг охинтой.

-Бөх хүнд амжилт гаргахад нөлөөлөх хамгийн чухал зүйл юу вэ?

-Бяр хүчээс гадна бэлтгэл сургуулиа зөв хийж, амралт хоолоо тааруулж байж л амжилт гаргана. Мөн амжилтын нэг жигүүр нь сайн багш. Миний хувьд Д.Чойжилсүрэн, Х.Намшир, Ш.Чанрав, Ч.Насантогтох, Д.Баатаржав, Д.Ганцагаан нарын олон сайн багшийн гараар орсон тулдаа л энэ дайны амжилт гаргасан гэж бодож явдаг.

Бөхийн буян их. Бид бөхийн буянаар сайхан л амьдарч байна.

-Бөхийн буян гэснээс “Увс нуур” галын ой болж байна. Та энэ галд хамааралтай хүний нэг байлгүй…?

-Наадмын бэлтгэлд уртаашаа нэг удаа гал ахалж, нэг удаа багшаар гарсан. 2000-аад оны эхээр Н.Мөнхжаргал начин, Д.Бумбаяр заан хоёртой таардаг юм. Тэд бэлтгэлд гарахад хөрөнгө мөнгөний асуудал хүнд байгаа тухай хэлдэг юм. Тэгэхээр нь би Д.Цэрэнсамбууг дагуулаад Ц.Нямдорж дарга дээр орсон. Нямдорж гуай арваад хүн рүү ярьж хэд гурван төгрөг цуглуулаад наадмын бэлтгэлд гаргахад би ахалсан удаатай. Дараа нь П.Бүрэнтөгсийг түрүүлдэг жил галын багшаар очсон.

Өмнөх хоёр жил нь “Увс нуур” дэвжээний бөхчүүд наадмын түрүү авчихсан байсан болохоор өндөр хариуцлага хүлээж байсан даа. Багш, бөхчүүд үүргээ маш сайн ухамсарласны хүчинд түрүүгээ алдаагүй.

-“Увс нуур” гал самбо, жүдо, чөлөөтийн дэвжээтэй болсон гэсэн…?

-Тийм. Энхболд гэж залуу бий. Жүдогоор дэвжээ байгуулсан. Хэдэн хүүхэд хичээллэж байна.

-Таныг Ц.Содномдорж арслангийн дасгалжуулагч багшаар ажилладаг гэж сонссон юм байна. Үнэн үү?

-Үнээн үнэн. “Монос”-ынхон санал болгосноор түүнийг дасгалжуулсан. Би нутаг ус жалга довны үзэл ярьдаг хүмүүст тийм дуртай биш. Мэддэг чаддагаа хэнд ч зааж өгөхийг л хичээдэг. Ө.Бат-Орших Ц.Содномдоржид унаж үзүүрлэчихээд “Таны заасан мэхэнд л явчихлаа даа” гээд инээж л байна лээ.

-Одоо та ямар ажил алба эрхэлж байна вэ?

-Нийслэлийн Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Батбаатар: Сэлэмчийн ах буруугүй

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ж.Батбаатартай уулзаж “Нийгмийн сүлжээ”-ний мэдээллийн их урсгалын энэ цаг үе дэх хэвлэл мэдээллийн болон сэтгүүлчдийн мэргэжлийн үүрэг, хариуцлагын талаар ярилцлаа.


-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдал ер нь ямархуу түвшинд байна?

-Жил бүр улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг тодорхойлон гаргадаг “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын судалгаагаар манайх хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орны тоонд орсон хэвээрээ, харин ч хоёр байраар ухарч 71 дүгээрт жагсжээ. Зарим үзүүлэлтээр хэвлэлийн эрх чөлөө тодорхой түвшинд хүрсэн ч улс төрөөс хараат байдал бүр ч лавшрах байдалтай байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд нь татварын мөнгөөр хэвлэлийг аргалдаг, эрхшээл, нөлөөндөө байлгадаг иймэрхүү арга барил, хандлагыг халж өөрчлөхгүйгээр чөлөөт хэвлэл төдийгүй ардчилсан, шударга нийгмийн тухай ярих боломжгүйд хүрнэ. Хэдий цөөн хэвлэл ийм хандлага, барилтай байлаа ч гэсэн бусдыгаа хөөдөж нийгэмд чөлөөт хэвлэлийн нэр хүндийг нь унагаж байгаа нь их хор хөнөөлтэй юм. Хэвлэл хаана хараат бус байдлаа алдана тэнд хэвлэлийн нэр хүнд унаж, чөлөөт хэвлэлийн оршихуйд аюул учирч байдаг. Угаасаа манайх багтаамж тааруутай, жижиг зах зээлтэй, дээр нь олон зүйл шалтгаанаар сэтгүүл зүйн мэдээллийн хэрэглээ дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй их уналттай байгаа нөхцөлд хэвлэлийн хөгжлийн цаашдын ганц боломж нь мэргэжлийн түвшний бодит, чанартай мэдээлэл л байх юм.

Чөлөөт хэвлэл саяны хэлдэг шиг ямар нэг зохисгүй орлого, санхүүжилтээр амьдрах нь сайн юм огтхон ч биш, хэвлэл яг л банк, санхүүгийн салбар шиг уншигч хэрэглэгчдийнхээ итгэл дээр суурилж тогтдог. Мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс хэвлэлийг хөлслөн өөрсдөдөө үйлчлүүлэх замаар ашиг сонирхлын үйл ажиллагаа зохион байгуулах, нийгэмд нөлөөлөх, суртал ухуулгын хэрэгсэл болгох явдал их байгаа нь чөлөөт хэвлэлийн хөгжилд сөрөг нөлөө учруулж, нийгэм, олон түмэнд хэвлэл мэдээллийн үнэлэмжийг ихээхэн бууруулахад хүргэж байна.

-Үүний шалтгаан нь юунд байна?

-Чөлөөт хэвлэлийн үүрэг, хариуцлагыг ухамсарлаагүйтэй холбоотой. Хариуцлагаас ангид эрх чөлөө гэж үгүй. Хэвлэлийн хариуцлага нь аливаа явцуу эрх ашгийн нөлөөнд автахгүй хараат бусаар үйл ажиллагаагаа явуулахаас эхэлнэ. Гэтэл бид энэ зарчмаасаа ухарчихаад байгаа нь чөлөөт хэвлэлийн өөрийнх нь мөн чанарт харшлах төдийгүй нийгмийн олон болох бүтэхгүй асуудлын эх үндэс болж байна шүү дээ. Хариуцлагатай сэтгүүл зүй нийгэм дэх аливаа асуудлыг хөндөж, олон нийтийн анхааралд гарган тавьж, шударга бус зүйлтэй тэмцэн илчлэгч, шүгэл үлээгч байх ёстой юм.

Жинхэнэ чөлөөт хэвлэл чинь ардчилсан нийгмийн бүтцийн нэг бүрэлдэхүүн хэсэг, бүр гол эд анги нь юм. Түүнгүйгээр ардчилсан, шударга сайхан нийгмийн тухай ярих боломжгүй.

Зарим хүний хэлдгээр сэтгүүл зүй нийгмийн оюун санааг хөтлөх нь ч хаашаа юм, гэхдээ нийгмийн үзэл санаа, хандлагад чухал нөлөөтэй хэрэгсэл учраас хэвлэл тэр хэрээр хариуцлагаа ухамсарлаж байх хэрэгтэй болдог. Энэ нь зөвхөн буруу ташаа, бодит бус мэдээлэл эсвэл олонтаа яригддаг нэр төр гутаах, гүтгэх, доромжлохтой холбоотой хариуцлага, ёс зүйгээс гадна үнэт зүйл, зарчим, хандлагатай холбоотой хариуцлагыг ч бас хамарна. Гэхдээ энд бид хариуцлагатай хэвлэл, чөлөөт хэвлэлийн өөрийн хариуцлагын тухай ярьж байгаагаас бус социализмын үеийн үзэл суртлын хэвлэлд тавьдаг хяналт цензурын тухай яриагүй шүү.

-Та үнэт зүйл, зарчим, хандлагатай холбоотой хэвлэлийн хариуцлага гэлээ?

-Тийм ээ, зарим баримтад тулгуурлаж ярья. Түрүүхэн дээ, нэг залуу баар цэнгээний газар танхайрч, тоглоомон ч гэл үү сэлэм эргүүлж бусдыг айлгаж ичээсэн явдал болж хэвлэлээр мэдээлэгдсэн. Гэтэл нийгмийн сүлжээнийхэн мань сэлэм эргүүлэгчийн ахыг хотын байх аа, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэн даруй хөөж зайлуулах хэрэгтэй гэж олноороо давалгаалж, зарим цахим хэвлэл тийм “муу дүүтэй ах”-ыг хөөхийг дэмжин хөөрөгдөж байх жишээтэй. Хэдэн он, ямар нийгэм билээ энэ чинь. Өнөөгийн бидний сонгосон ардчилал ч, чөлөөт хэвлэл ч өөрийн үнэт зүйл, тодорхой зарчим дээр оршин тогтнодог “урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурдах”-ыг зөвшөөрдөггүй нийгэм. Энэ зарчимд үнэнч байх нь, ардчилсан нийгмийн үнэт зүйл бүрийг тууштай хамгаалах нь чухамдаа чөлөөт хэвлэлийн цаг ямагт сахин хүлээх үүрэг, хариуцлага юм. Энд бид “гэр бүл, ойр дотнынхон, хамаатан садан, хамт ажиллагсад, найз нөхөд нь буруугүй” гэдэг дэлхийн аль ч улсын чөлөөт хэвлэлийн эрхэмлэн баримталдаг алтан дүрмээ ч мартчихаж байна шүү дээ. Ямар ч тохиолдолд сэлэмчийн ах буруугүй. Хэвлэл мэдээлэл энэ мэтээр нийгэмд цөөнгүй гардаг ч сүүлийн үед давтамж нь улам бүр ойрхон болоод байгаа нийгмийн үнэт зүйлс, ардчиллын эсрэг буруу үзэл,хандлагыг дэвэргэн сурталчилах нь ерөөсөө л хариуцлагагүй байгаагийнх нь илрэл юм.

-Өөр ямар хариуцлагын тухай бид ярих ёстой вэ?

-Нийгмийн аливаа сайн жишиг, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд хүн бүрийн оролцоо, хичээл зүтгэл чухлын адил бид чанартай, сайн чөлөөт хэвлэлтэй болоход хэвлэл мэдээллийн индрийг ашиглагчдын хариуцлагын тухай ч мөн ярих хэрэгтэй болж байна.

Ялангуяа манай олон улстөрчид, эх орончид хэвлэлийг буруу бусармаг зорилгынхоо төлөө шударга бусаар их ашигладаг нь нутагшиж ядан буй чөлөөт хэвлэл, нийтийн соёлын төлөвшилд учруулж байгаа хор хөнөөл, хариуцлагагүй явдал юм. Одоо ямар бүлэглэл, хэн юу хийж, яах гээд байгааг тэдний өрнүүлж, зохион байгуулж байгаа хэвлэлийн кампанит ажлаас нь л олон түмэн урьдчилан хардаг, сайхан юм яриад муухай юм хийдгийг нь мэддэг болчихсон шүү дээ. Тэдэнд ёс зүйгээ сахиж, иргэний хариуцлагаа биелүүлэхийн чухлыг сануулах, шаардах нь зөв ч, тийм амархан засарч чөлөөт хэвлэлийн хөгжилд хувь нэмрээ оруулчихна гэж найдалтгүй л болов уу.

Нэг зүйлийг хэлэхэд энэ бүхний гол нь сэтгүүл зүйн салбараас өөрөөс нь шалтгаалж байна. Бид бурууг бусдад тохох биш өөрсдөө л хичээж, мэргэжлийн түвшинд хараат бусаар, хариуцлагатай ажиллаж байж үүргээ биелүүлж, амжилтад хүрнэ, болохгүй, бүтэхгүйгээ засаж залруулна.

-Сүүлийн үед нийгмийн сүлжээн дэх хуурамч мэдээ, мэдээллийн тухай их яригдаж байна?

-Юуны түрүүнд сошиал орчин дахь элдэв худал, хуурмаг мэдээлэл бол сэтгүүл зүйд огтын хамааралгүй асуудал юм. Тэр орчны мэдээлэл нь сонин хэвлэлийнх шиг тухайн мэргэжлийн редакци мэдээллийнхээ хариуцлагыг хүлээдэггүй, үнэн бодитой эсэхийг нь шалгаж баталгаажуулаагүй мэдээлэл байдаг учраас их түвэгтэй. Хэн ч мэдээлэл түгээж болох хязгааргүй том орон зай, тэр байтугай нэр, зүсээ нууж далдлах нь их байдаг учраас мэдээлэл, баримтыг үнэн бодитой байхыг шаардах, шалгуур тавих боломж нь угаасаа хомс л доо. Тийм болохоор л иргэдэд мэргэжлийн түвшинд боловсруулагдаж шалгагдсан баталгаатай, хэрэгтэй, тустай сэтгүүл зүйн мэдээлэл хэрэгтэй, олон нийт ч тийм бодит мэдээллийн үйлчилгээг хүртэх эрхтэй гэдэг утгаар нь олон нийтийн мэдээлэлд хаана хаанаа анхаарал хандуулах шаардлагатай болсон.

-Нийгмийн сүлжээний мэдээллийн орчныг сайжруулах ямар боломж, арга зам байдаг бол?

-Нэлээд түвэгтэй, зохицуулалт хийхэд бэрхшээлтэй асуудал. Энэ чинь иргэний суурь эрх болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй холбоотой зүйл болохоор хамаагүй хориг, хаалт тавих нь хүний эрхийг зөрчих, хаан боогдуулахад хүргэх талтай. Олон улс оронд шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлж цахим орон зайд хуулийг хэрэгжүүлэх ажлыг хийж тусгайлсан хууль батлах зэргээр зохицуулалт хийж байна. Энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд ч зохисгүй зүйлст тавих хяналтаа сайжруулах замаар цахим орчныг эрүүлжүүлэх, чанаржуулах шийдлүүд их хийх боллоо. Ер нь тэгээд нийгмийн ухамсар, иргэдийн хэрэглээний соёлоос л ихээхэн хамаарч байна даа.

-За одоо хоёулаа хариуцлагын тухай яриандаа эргээд орох уу?

-Миний хэлээд байгаа гол санаа бол ардчилсан нийгэмд хэрэгтэй, бас ихээхэн нөлөөтэй хэрэгслэл чөлөөт хэвлэлийн үүрэг өнөө үед чухал учраас сэтгүүл зүйн үйл ажиллагаа зөвхөн мэргэжлийн дүрэм, зарчим дээр тулгуурласан байх, тийм соёлыг төлөвшүүлэх тухай юм. Үүнд хүний хүчин зүйл их үүрэгтэй болохоор сэтгүүлчдийн хандлага, хариуцлагын тухай яригдана.

Өнөөдрийн практикаас харахад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хараат бус байдалд зайлшгүй анхаарах ёстой болсон байна. Зарим маань аль нэг улс төрийн хүчин, тодорхой бүлэглэл эсвэл хувь хүний нөлөөнд хэт автаж суртал ухуулагч шиг нь ажилладаг. Хэн нэгнээс хараат бус, чухамхүү бие даасан байж ажил үүргээ жинхэнэ утгаар нь гүйцэтгэх учиртай сэтгүүлчдийн ийм хариуцлагагүй байдлыг юугаар ч зөвтгөх аргагүй. Мэргэжлийн үүрэг, ёс зүйгээ умартан улс төрийн нам, хувь улс төрчийн сонгуулийн сурталчилгаа, PR-ийг хээв нэг хийж байгаа сэтгүүлч орчин үеийн соёлтой, мэдээлэлтэй уншигч, үзэгчдийн хувьд бол шударга ёс, үнэний дуу хоолой сэтгүүлч биш тухайн нам, тухайн улстөрчийн төлөөлөгч, хэвлэлийн ажилтан нь л юм, тэгж л харагдана. Тодорхой хүрээнийхэнд тийм биш гэж бодогдож байвч тэдний бодол, хүслээс өөр зүйл л дээ. Сонгууль дуусаад л нам, улс төр, эсвэл төлөө нь ажилласан хүнээсээ хараат бус болж сэтгүүлчээ хийнэ гэхээр чинь огтхон ч үнэмшил төрүүлэхгүй, би түрүүнд чөлөөт хэвлэл иргэдийн итгэл үнэмшил дээр оршин тогтдог гэдгийг хэлсэн.

Хэрвээ хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, сэтгүүлч хийж л байгаа бол мэргэжлийнхээс бусад эрх ашгийг, ашиг сонирхлыг хойш тавих нь чөлөөт хэвлэлийн төдийгүй нийгмийн шударга ёс, сайн сайхны тусын тулд сэтгүүлчийн үүрэг нь байх ёстой. Манайд PR, хэвлэлийн алба, сэтгүүл зүй гэсэн хоорондоо ихээхэн ялгаатай, өөр өөрийн чиг үүрэгтэй, тэр ч байтугай эрс тэс салбаруудын зарчим, горим алдагдан нэг зүйл мэт холилдон байдгаас болж элдэв нөлөөллөөс ангид бодит, цэвэр мэдээлэл л байх ёстой сэтгүүл зүй багагүй хохирч байгаа нь бодит байдал юм.

-Одоо хувь сэтгүүлчийн хариуцлагын тухай ярианд шилжсэн болохоор “нийгмийн сүлжээ”-ний орчинд сэтгүүлчид ихээр оролцож байна. Үүний сөрөг талын тухайд онцолж юу хэлмээр байна вэ?

-Зарим сэтгүүлч “нийгмийн сүлжээ”-нд өөд, уруугүй “ажиллаж” байгаа нь олон зүйл шалтгаанаас үүддэг байх. Сэтгүүлч бичсэн бичвэрээ аль болох олон хүнд хүргэхийг бодох, мөн фэйсбүүк хэмээх том орон зайд нэвтэрч уншигч фэнүүдээ нэмэгдүүлэх гэсэн зорилго ч байдаг биз. Мэдээж бусад хүмүүсийн л адил тэр ертөнцөд үзэл бодлоо хуваалцах, дуу хоолойгоо өргөх сонирхол ч байгаа. Тухайн хувь хүний л асуудал мэт боловч сэтгүүлчийн ийм “сошиал ажиллагаа”-г мэргэжлийн талаас авч үзвэл огтын тохиромжгүй юм. Орчин үеийн нийгэмд иргэдийн мэдээллийн боловсрол юу юунаас чухал асуудал болж, дэлхий нийтээр тусгайлсан хөтөлбөр дэвшүүлж, анхаарлаа хандуулж байхад бид сэтгүүл зүйн буюу мэргэжлийн түвшний мэдээллийн тогтолцоо, төлөвшин тогтсон соёлыг аль нь үнэн, аль нь худлаа нь мэдэгдэхгүй, ялган тогтоох боломжгүй “нийгмийн сүлжээ”-ний мэдээллийн урсгалтай хээв нэг адилтган хольж хутгаад сууж байж таарахгүй л дээ. Зарим маань тэнд л “би сэтгүүлч, ажлаа хийж байна” бололтой юм яриад л “уралцаад” байна. Үнэндээ бол нөгөө юу гэдэг билээ, гариг андуурч байгаа хэрэг юм, олон нийтийн мэдээллийн хэрэгслэл, “нийгмийн сүлжээ” эрс ялгаатай, тус тусын чиг үүрэгтэй, хоёр огт өөр талбар шүү дээ. Тиймээс сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр л явуулах нь салбарын эрх ашигт тустай юм.

Олон улсын практикт сэтгүүлч ажлаа сошиал орчинд явуулах, “нийгмийн сүлжээний тоглогч” байхыг цээрлэж, бүр тодорхой дүрэм баримталж байна.Сэтгүүлчдийн энэ байдал нь сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний зааг ялгааг бүдгэрүүлж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн улмаар чөлөөт хэвлэлийн үүрэг, үнэ цэнийг бууруулахад хүргэдгийг судлаачид анхааруулдаг. Харин бид тэр бүхнийг ойлгож, тоож байгаа ч юм алга, тоглолтоо үргэлжлүүлсээр л байна.

Чөлөөт хэвлэл, сэтгүүл зүй хэмээх ардчилсан нийгэмд чухал үүрэгтэй энэ өвөрмөц институциэр дамжуулж иргэд “төр гэдэг машин”-д хяналтаа тогтоож, эрх мэдлийг хянаж байх учиртай. Өнөөгийн “нийгмийн сүлжээ”-нд чөлөөт хэвлэлийн энэхүү өвөрмөц хяналтын үүргийг шилжүүлэх, мэргэжлийн түвшний мэдээллийн тогтолцоо сэтгүүл зүйг “нийгмийн сүлжээ”-гээр сольж орлуулах хараахан боломжгүй, үүний нэг гол шалтгаан бол нөгөө л хариуцлагын тухай юм.

Учир нь хэвлэл мэдээллийн редакци, сэтгүүлчдийн үүрдэг, үүрч байх ёстой мэдээллийн хариуцлагаас нийгмийн сүлжээнийхэн үндсэндээ ангид оршдог гэж хэлж болно. Худал хуурмаг мэдээлэл, элдэв хууль бус, ёс зүйгүй байдлаас нь хэрэглэгчид, иргэдээ хамгаалах, цахим орчинд шударга ёс, хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлага тооцох зэрэг чинь үнэндээ бол энэ цаг үеийн зохицуулахад хамгийн бэрхшээлтэй асуудал болчихоод байна.


Categories
мэдээ цаг-үе

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан: Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэлд шилжүүлсэн

“Жаст”-ын Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Төрийн банк Эдуард Сүрэнд 51,1 тэрбум төгрөг өгөхгүй гэж шүүхэд хандаад дахин ялагдлаа. Харин үүний хариуд Төрийн банкны удирдлагууд энэ мөнгийг төлөх ёсгүй гэж мэдэгдлээ. Та өмгөөлөгчийн хувьд үүнд тайлбар өгөөч?

-Өчигдрийн Төрийн банкны мэдэгдэл хүмүүст зөв ойлголт өгөх шиг боллоо. Ер нь Төрийн банкнаас мөнгө авах гээд байгаа мэт ойлголтыг нийгэмд тэд өөрсдөө төрүүлсэн. Шүүхийн шийдвэрт “Жаст” групп үүргээ биелүүлэхгүй бол баталгаа гаргасан Төрийн банк хариуцах агуулга бүхий заалт байгаа. Тэгэхээр “Жаст” групп үүргээ биелүүлж чадах эсэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллага эхлээд бүрэн тогтоох ёстой. Тэдний ажиллах боломжийг Төрийн банк хангах ёстой. Хөрөнгөтэй хөрөнгөгүйг нь мэдэх учиртай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдөр хүртэл эхлээгүй гэж би ойлгож байна. Түүний дараа Ш.Батхүүгийн хөрөнгө болох Хадгаламж банкны активыг шилжүүлэн авсан Төрийн банк мөнгө өгөх эсэх асуудал нь яригдана. “Жаст” групп нь тухайн үед Монголын томоохон компаниудын нэг байсантай хэн ч маргахгүй. “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хөрөнгийг хууль бусаар авсан асуудал ч өнөөдөр яригдаж байгаа.

-Хууль бусаар хөрөнгийг нь авсан гэдгээ тодруулахгүй юу. Ямар хөрөнгөний тухай ярьж байна вэ?

-Ш.Батхүү гэдэг хүний бизнесийн цар хүрээ, тухайн үед бий болгосон хөрөнгө, түүний үнэлгээг би ярих нь зохимжгүй. Өмгөөлөгчийн хувьд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа хүрээндээ ярья гэж бодож байна. Би энэ удаа Хадгаламж банкийг онцолж яримаар байна. Юуны өмнө Хадгаламж банк Ш.Батхүүгийн өмчлөлд шилжиж ирсэн талаар товч дурдах нь зүйтэй байх. Хадгаламж банкийг 2006 онд өмч хувьчлалаар “Чингис хаан банк, Монгол даатгал компани болон ОХУ-ын Народный братский банк”-уудын консорцуим аваад дараа нь ОХУ-ын Коалка группт зарчихсан байсан. Коалка групп нь Хадгаламж банкийг буцааж зарах сонирхлоо ОХУ-ын Россельхоз банкаар дамжуулан Жаст группт 2008 оны эцсээр ирүүлсэн байдаг. Хадгаламж банкны тухайн үеийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 87 тэрбум төгрөгийн активтай, нийт зээлийн багцын 13,5 хувь нь чанаргүй ангилалд орсон, дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай, ердөө долоон тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөтэй байсан. Гадны эзэмшилд байсан ийм банкийг Монголдоо оруулж ирэх боломжийг ашиглан 2009 оны дөрөвдүгээр сард 39 сая ам.доллараар худалдаж авсан юм байна лээ.

-Маш их хөрөнгө оруулалт хийсэн гэж Ш.Батхүү захирал ярилцлагадаа дурдсан байсан…

-Нэгэнт Монгол Улсынхаа эзэмшилд Хадгаламж гэдэг банкийг оруулаад ирсэн, цааш нь хөгжүүлэх, өргөжүүлэх сонирхол эрмэлзэл байсан. Яг энэ үетэй давхцан Монголшуудан банкны үйл ажиллагаа доголдож эхэлсэн байдаг. Монгол шуудан банкны зүгээс Ш.Батхүүд хөрөнгө оруулалт хийх, худалдан авах санал тавьсан байна лээ.

Тэр үед Монголшуудан банк Монгол Улсын Хөгжлийн сангаас 16 тэрбум төгрөгийн зээлтэй, иргэд байгууллагын 260 орчим тэрбум төгрөгийн харилцах, хадгаламж эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн байсан. Монголшуудан банкны давуу тал нь орон нутагт өргөн салбар сүлжээтэй байсан нь Монголшуудан банкийг Хадгаламж банкинд нэгтгэх гол хүчин зүйл болсон. Харин Монголшуудан банкинд бий болсон 58 тэрбум төгрөгийн чанаргүй зээл болон Хадгаламж банкинд байсан бусад чанаргүй зээлийг барагдуулах талаар Монголбанктай тохиролцон Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрийг 2011 оноос хамтран хэрэгжүүлж, графикийн дагуу тодорхой хугацааны туршид барагдуулж байсан.

Ш.Батхүү захирал өөрийн бизнесийн урсгал болон зээлийн хөрөнгөөр банкны дүрмийн санд хөрөнгө оруулалт байнга хийж, Хадгаламж банкны дүрмийн санг 84 тэрбум төгрөгт хүргэсэн байдаг. Банкны хэвийн үйл ажиллагаа цар хүрээг нэмэгдүүлэн 2010-2013 онд банкны өөрийн хөрөнгө болон түүнд тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж ирсэн. 2013 он гэхэд Хадгаламж банк нь Монгол Улсын банкны зах зээлд бүрэн танигдаж, үйл ажиллагаа, үйлчилгээний өргөн сүлжээтэй Монгол Улсын томоохон тэргүүлэх банкны нэг болж чадсан. Тухайлбал, 1.1 их наяд төгрөгийн активтай, 503 салбар нэгжтэй, 3300 гаруй ажилтантай, 2,7 сая харилцагчтай, 550 тэрбум орчим төгрөгийн хадгаламжтай, 400 мянга гаруй хадгаламж эзэмшигчтэй болсон байсан.

-Тэгвэл хэвийн үйл ажиллагаатай байсан банкийг яагаад төр мэдэлдээ авах шийдвэр гаргасан юм бэ?

– Гол шалтгаан нь тухайн үед Стандарт банкнаас “Жаст” группийн авсан зээлийн асуудал юм. Тухайн үед Ш.Батхүүгээс авах гол хөрөнгө нь Хадгаламж банк байсан. Миний санаж байгаагаар энэ зээлийг хариуцах эзэн, барагдуулах хөрөнгөний хойноос л төрийн механизм хөдөлж эхэлсэн.

Ш.Батхүүгийн хувьд Хадгаламж банкинд олон улсын болон дотоодын аудитын байгууллагаар үнэлгээ хийлгэхэд тухайн үед Хадгаламж банк нь 200-300 сая ам.доллараар үнэлэгдэж байсан. Тэрээр банкны хувьцааныхаа тодорхой хувийг бусдад худалдах тохиролцоог хэд хэдэн этгээдтэй хийж байсан бөгөөд тохиролцсон саналаа Монголбанкинд хүргүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар зөвшөөрөл өгөөгүй байдаг.

Хадгаламж банк тухай бүр Монголбанкинд үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа өгч ирсэн. Монголбанкны зүгээс 2013 оны дөрөвдүгээр сараас 2014 он хүртэл Хяналт шалгалтын дунд хугацааны хөтөлбөрөө сунгасан байснаа 2013 оны долдугаар сарын 18-нд гэнэт зогсоосон. Товчхондоо бол Хадгаламж банкийг доголдуулах үйл ажиллагаа 2013 оны долдугаар сарын дундаас эхэлсэн. Тухайлбал, 2013 оны долдугаар сарын 14-17-ний өдрүүдэд Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд оруулахын тулд Хадгаламж банкинд хадгалагдаж байсан Хөгжлийн банкны 35 тэрбум төгрөгийн хадгаламж, Өргөн хэрэглэгээний барааны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн санхүүжилтэд зориулж Монголбанкнаас Хадгаламж банкинд байршуулж байсан 54 тэрбум зээлийг тус тус хугацаанаас нь өмнө татан авсан.

-Гэнэт л ингээд бужигнуулаад эхэлсэн юм уу. Монголдоо томдоо ордог байсан банк ийм амархан үйл ажиллагаа нь доголдох уу?

-Би дээр хэлсэн. Өөрөөр хэлбэл 90 орчим тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг Хадгаламж банкнаас татсан ч Хадгаламж банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар 2013 оны долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар сайн хэвээрээ байсан. Хадгаламж банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын дутагдалд орсон гэж хэлэх боломжгүй байсан тул улсын байцаагчийн 18-ны өдрийн актаар 23 төлбөр хариуцагчийн зээлийг муу ангилалд оруулж, Ш.Батхүүд хамаатуулан банкны эрсдлийн санг 146 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тогтоосон. Энэ 23 харилцагчийн зээлэнд Ш.Батхүүд хамааралгүй зээлүүд ч байдаг. Мөн зарим зээлийн хугацаа нь дуусаа ч үгүй байдаг. Энэхүү тавигдсан актад мөн Монголбанктай харилцан тохирч хэрэгжүүлж байсан дунд хугацааны хөтөлбөрт хамрагдаж байсан зээлүүдийг хугацаанаас өмнө гэнэт ангилж оруулсан.

146 тэрбум төгрөгийн эрсдлийн санг хууль бусаар бий болгосноор банкны үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн. Ингэснээр банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа алдагдаж нийт өөрийн хөрөнгө нь байвал зохих зохистой харьцаанаас хэд дахин дутах нөхцөл үүсгэсэн. Ингээд Хадгаламж банкийг өөрийн хөрөнгийн шаардлага хангаагүй гэж үзэн эрх хүлээн авах албадлагын арга хэмжээг авсан.

-Банкны үйл ажиллагаанд алдаа дутагдал гарчээ гэж Монголбанк дүгнэхэд заавал албадлагын арга хэмжээ авдаг уу. Үйл ажиллагааг нь сайжруулах, засч залруулах ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Өмгөөлөгчийн хувьд Хадгаламж банкинд хууль бусаар албадлагын арга хэмжээ авсан гэж үзэх хэд хэдэн асуудал байгаа. Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Жаст” групп Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд зарим төрийн албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг. Тухайлбал,“… Энэ нөхцөл байдалтай холбогдуулаад Монголбанк болон Засгийн газрын түвшинд 2013 оны долдугаар сарын дунд үеэс тухайн асуудал яригдаж байгаа юм байна лээ. …Жаст групп ХХК-ийн мэдэлд “Хадгаламж” банк байдаг.“ …Хадгаламж банк ерөнхийдөө унаад сайн активыг Төрийн банкинд шилжүүлээд…”, “Шилжүүлнэ гэхээр яах юм бэ. Худалдаж авах юм уу. Юу гэсэн үг вэ. Хувийн банкийг тэгж болж байгаа юм уу?. “Тэгж болж байна. Танайх БЭТ томилох юм байна лээ” … “ Төрийн банк бол цөөхөн салбартай, 200-300 ажилтантай байсан. Одоо 3000 гаруй ажилтантай болж байна. Тэгэхээр одоо ядаж л виза-гийн гишүүнээр элсээгүй байсан банк тэр том банкийг авч байгаа байхгүй юу ….” гэх зэрэг яриа тэмдэглэлд тусгагдсан байдаг. Эндээс үзвэл төрийн эрх бүхий албан тушаалтнууд Хадгаламж банкийг Төрийн банкинд шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биелэлээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг.

Хадгаламж банкинд хуульд заасны дагуу тодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхад шууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг.

Банкны эрх хүлээн авагчийн саналд нэгэн анхаарал татаж байгаа асуудал нь “банкны олон нийтэд хандсан үндсэн суурь бүтээгдэхүүн үйлчилгээ, зах зээлд эзлэх байр суурь, банкны салбар, нэгжийн өргөн сүлжээ, хүний нөөцийн чадавх, техникийн болон үйл ажиллагааны технологи зэрэг нь салбартаа өрсөлдөхүйц хэмжээнд хэвээр хадгалагдаж байгааг үндэслэн банкны эрх хүлээн авах арга хэмжээний санал боловсрууллаа.” гэж, мөн “ … нөлөө бүхий гурван банкинд шилжүүлэх боломжтой байсан боловч эдгээр банкууд нь тус банкны хөрөнгө шилжүүлэн авах санал ирүүлээгүйгээс…” гэж дүгнэсэнээс үзвэл Хадгаламж банкинд эцсийн шатны арга хэмжээг авах хууль зүйн нөхцөл бүрдээгүй. Харин Стандарт банкны зээлээр далимдуулан хүний бий болгосон хөрөнгөөр Төрийн банкийг томруулах сонирхол шууд харагдаж байна. 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу тэр өдрөө Төрийн банктай Хадгаламж банкны эрх хүлээн авагч Хадгаламж банкны актив хөрөнгийг шилжүүлэх гэрээг байгуулсан нь эргэлзээ төрүүлж байна. Нэг өдрийн дотор банкны эрх хүлээн авагч томилогдоод, банкийг албадан татан буулгах саналаа бэлтгээд, Монголбанкинд хүргүүлээд, Төрийн банкинд актив хөрөнгийг шилжүүлэх гэрээ байгуулсан нь цаг хугацааны хувьд ямар ч боломжгүй байна.

-Хадгаламж банкийг хууль бусаар төрийн мэдэлд шилжүүлсэн гэж үзэж байгаа бол үүний эсрэг та бүхэн ямар нэгэн арга хэмжээ авсан уу?

-Хадгаламж банкийг албадан төрд авснаар “Жаст” групп нь Хадгаламж банкинд оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 100 орчим сая ам.долларын эрсдэл хүлээсэн.

Банкны эрх хүлээн авагч нь Төрийн банкинд сайн актив шилжүүлээд муу активыг авч үлдсэн. Гэтэл банкны эрх хүлээн авагчийн зардалд Хадгаламж банкнаас бэлнээр авсан долоон тэрбум төгрөг, Ш.Батхүүгийн Хадгаламж банкны дүрмийн санд оруулсан 84 тэрбум төгрөг, зээлийн барьцаанд байсан хөрөнгүүдийг юунд, яаж зарцуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна.

Энэ бүхнээс үзэхэд тухайн үед Хадгаламж банкинд зөв менежмент хийсэн бол Стандарт банкнаас авсан зээлийг бүрэн төлж барагдуулах боломж байсан. Энэ боломж одоо ч байгаа гэж би үздэг. Ер нь Хадгаламж банкинд албадлагын арга хэмжээ авах хууль зүйн шаардлага байсан уу гэдэгт өмгөөлөгчийн хувьд өнөөдрийг хүртэл эргэлзэж байна. Монгол Улсдаа хөрөнгө оруулалт татан, томоохон бизнес эрхэлж байсныхаа төлөө өнөөдөр Хадгаламж банкаа хууль бусаар төрд хураалгасан асуудлыг шалгуулахаар өмгөөлөгчийн хувьд би хууль хяналтын байгууллагад хандсан байгаа.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Арбитрийн шүүхэд жинхэнэ гэрээг явуулаагүй нь зохион байгуулалттай үйл ажиллагаа юу?

“Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж өгсөн нь өнөөдрийн учир нь олдохгүй хэл ам, хэрүүл заргын эхлэл болжээ. Ямартаа ч өнөөдрийн байдлаар Лондонгийн Арбиртийн шүүхийн шийдвэрээр Монгол Улс Стандарт банкинд 109 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа нь үнэн юм. Ийм мэдээлэл цацагдсанаас хойш маш олон асуултын хариу бүрхэг, тодорхой бус хэвээр байна.

Үйл явдал яаж өрнөснийг эхлээд эргэн саная. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Зэс” корпораци хууль бусаар худалдан авсан гэх маргаан өнгөрсөн хоёр жилжингээ өрнөлөө. Эцэст нь Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг буцаан төрийн мэдэлд авах шийдвэр гаргасан ч энэ асуудал шүүх дээр шийдэгдээгүй хэвээр байгаа. Өнгөрсөн оны сүүлчээр гарсан Засгийн газрын энэ шийдвэртэй зэрэгцээд “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкны өрөнд тавьсан, Арбитрийн шүүхэд ялагдаж ихээхэн хэмжээний мөнгө төлөхөөр болсон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. 2018 оны нэгдүгээр сард Арбитрийн шүүхийн шийдвэр гарсан бөгөөд үндсэн зээл, хүү, бусад зардал зэрэгтэйгээ нийлээд Монголын тал Стандарт банкинд 109 сая ам.доллар төлөх болсон билээ. Үүний дараахан Засгийн газар хуралдаж үүнийг яаралтай төлж барагдуулах шийдвэр гаргасныг буртуутгах хүмүүс бий. Учир нь Монголын тал Арбитрийн шүүхэд ялах бүрэн магадлалтай байсан бөгөөд хэрэгтэй мэдээллийг гаргаж өгөөгүйн улмаас ялагдалд хүрсэн гэх. Энэ мөнгийг яаран төлөх хэрэггүй, дахин нягталж, өөрийн хууль шүүхийн байгууллагаар үнэн мөнийг нь тогтоож байж, асуудлыг эцэслэх ёстой гэдэг.

ХУУРАМЧ, ҮНЭНГЭХ ХОЁР ГЭРЭЭ

“Жаст” групп “Стандарт” банкнаас нийтдээ 170 гаруй сая ам.долларын зээлийг дөрвөн үе шаттайгаар авсан байдаг. Тодруулбал, 2009 онд 36 сая ам.доллар, 2010 онд 75 сая ам.доллар, 2010 онд 27 сая ам.доллар, 2011 онд 34 сая ам.долларыг тус тус авчээ. “Жаст” зээлээ төлж явсаар үлдэгдэл 71 сая ам.долларын өрийг төлж чадахаа байгаад 2013 онд “Стандарт” банк “Эрдэнэт” үйлдвэртэй ирж уулзсанаар анх асуудал дэгдсэн гэдэг. Ингээд хэн гэгч нь “Жаст”-д Эрдэнэтээр баталгаа гаргуулж өгсөн тухай асуудал боссон юм. Тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын гарын үсэг баталгаа гаргаж өгсөн гэрээн дээр байгаа ч тэд үүнийг “хуурамч гарын үсэг” гэдэг. Тэгвэл дэлхийд алдартай Лондонгийн Арбитрийн шүүх хуурамч гарын үсэгтэй гэрээгээр асуудлыг шийдэж, Монгол Улс мөнгө төлөх болоод байна уу?

Өнөөдрийн байдлаар “Жаст” групп Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж, Стандарт банктай хийсэн гэрээ хоёр янз байгаа тухай баримт гарч ирж байна. Үүнийг нэг нь 28 хуудастай жинхэнэ гэрээ, нөгөө нь 40 хуудас бүхий хуурамч гэрээ. Лондонгийн Арбитрийн шүүх 40 хуудас бүхий хуурамч гэрээгээр асуудлыг шийдсэн бөгөөд тэд гэрээн дээрх гарын үсэгнүүд хуурамч гэдгийг тогтоосон гэнэ. Тийм учраас Монголын талаас жинхэнэ эх гэрээг нь явуулаач гэхэд хэн ч түүнийг тоож, явуулаагүйд хамаг хэргийн учир зангилагдаж байна. Жинхэнэ, хуурамч гэх хоёр гэрээний талаар “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал манай сонинд тодорхой тайлбар өгч байв. Тэрбээр “2009 оны зургадугаар сард “Жаст” ХХК-ийн захирал Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригтой ирж уулзсан юм. Ч.Ганзориг захирал намайг дуудаад Батхүүгийн гэрээг үзээд болох, болохгүйг нь хянаад өг гэсэн. Уншсан чинь “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргана гэсэн утга бүхий өгүүлбэр явж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн баталгаагаар зээл авч болохгүй, надад болон Ганзориг захиралд ийм шийдвэр гаргах эрх мэдэл байхгүй гэдгийг түүнд хэлсэн. Ш.Батхүүгийн барьж ирсэн гэрээн дээр гарын үсэг зурахгүй гээд “хөөгөөд” явуулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа эргээд ирж уулзсан. Тэгэхдээ баталгаа гаргана гэдэг өгүүлбэрийг хасчихлаа. Одоо энэ гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч хэмээн дахин нэг гэрээ барьж ирсэн. Энэ гэрээний агуулгыг тайлбарлая л даа. “Жаст” ХХК “Эрдэнэт” үйлдвэрээс зэсийн баяжмал худалдан авдаг байсан. Зэсийн баяжмал худалдан авах гэрээнийхээ эрхийг “Стандарт” банкинд шилжүүлэх болж. Ер нь зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэр 95 хувийн урьдчилгаа авч ачуулдаг болохоор “Эрдэнэт” үйлдвэрт ямар нэгэн эрсдэлгүй бас “Эрдэнэт”-ээс гарч буй баяжмалыг хэн ямар компани авах эрх нь нээлттэй байдаг. Гэрээг уншиж үзээд нэг заалт нэмж оруулахгүй бол наад гэрээн дээр чинь гарын үсэг зурахгүй гээд 18 дугаар заалтыг оруулах шаардлагыг тавьсан шаардлагын дагуу дээрх заалтыг нэмж оруулаад гарын үсэг зурсан. “Эрдэнэт” үйлдвэр гэрээн дээр гарын үсэг зурахгүй байсан бол “Эрдэнэт” үйлдвэрээс гарч буй зэсийн баяжмалын гэрээ ачигдахгүй болно. Манайх мэдээж баяжмалаа гаргахыг эрмэлзэнэ. “Жаст” ХХК-д баталгаа гаргаж өгөхгүй, бас “Эрдэнэт” үйлдвэр тэдний өмнөөс үүрэг хариуцлага хүлээхгүй гэдэг заалттай гэрээн дээр гарын үсэг зураад явуулсан нь үнэн. Ингэхдээ нэг хувийг нь бид авч үлдсэн. Тэгээд өгсөн хувиуд дээр “Стандарт” банкаараа зуруулаад ир гээд явуулсан. Тэгсэн Ш.Батхүү буцаж ирээгүй. 2009 онд болсон энэ гэрээний төслөөс хойш 2013 он хүртэл эргэж энэ талаар нэг ч яригдаагүй, бид ч гэрээ хийгдээгүй гэж ойлгож ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ Ш.Батхүү гэгч нөхөр гарын үсэгтэй хамгийн арын хуудсыг салгаж аваад, одоогийн яригдаад байгаа баталгаа гаргана гэсэн утга бүхий заалттай 40 хуудастай гэрээн дээр ашиглачихсан байсан нь хожим ил болсон” гэж ярьсан юм.

Тухайн үеийн Эрдэнэтийн захирал Ч.Ганзориг болон гэрээн дээрх хуулийн хэлстийн даргын гарын үсэг хуурамч гэдгийг Лондонгийн хараат бус шинжээч тогтоосон гэдэг. Хэвлэлд гарч байгаа мэдээллээс харвал Арбитрийн шүүх Эрдэнэтийн хөлсөлсөн Английн “Taylor Wessing” хуулийн фирмээс “Санхүүгийн баталгаа гаргахгүй” гэсэн 28хуудас бүхий гэрээг гаргаж өгөхийг хүсчээ. Харин Эрдэнэтийн удирдлагууд, хуулийн байгууллага аль аль нь гаргаж өгөхөөс татгалзжээ. Хэрэв тэр гэрээ Арбитрийн шүүхэд очсон бол Монголын тал ялах боломжтой байсан гэх.

АРБИТРИЙН ШҮҮХЭД ЯАГААД ЖИНХЭНЭ ГЭРЭЭГ ЯВУУЛААГҮЙ ВЭ?

“Эрдэнэттэй адилхан процесс Улаанбаатар төмөр зам дээр гарахад тэдний хуулийн хүмүүс нь шүүх дээр нь очиж холбогдох материалуудаа үзүүлээд, Стандарт банкныхныг ялаад, ямар ч байсан гарын үсэг хуурамчаар үйлдсэн байна гээд Улаанбаатар төмөр зам өргүй үлдсэн гэж ойлгосон” гэж УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг манай сонинд ярилцлага өгсөн байдаг. Хуурамч гэрээ, гарын үсэгний асуудалд тухайн үеийн Улаанбаатар төмөр замын дарга Очирхүүгийн нэр холбогдож байгаад чимээгүй болсон нь хэрэгтэй цаг үед шаардлагатай материалыг шүүхэд гаргаж өгөөд асуудлыг үнэн мөнөөр нь шийдүүлж чадсан бололтой.

“Эрдэнэт” үйлдвэрийнхэн Улаанбаатар төмөр замынхан шиг жинхэнэ эх гэрээгээ Арбитрийн шүүхэд нэхсэн үед нь өгсөн бол Монгол Улс ямар нэгэн маргаан, өр ширэнд орохгүй байх боломж байжээ. Энэ маргаан Арбитрийн шүүхэд 2013 оноос хойш хэлэлцэгдэж байхад манай тал цаг хугацаа алдаж, холбогдох материалуудаа хүргүүлээгүйн улмаас шүүх дээр ялагдсан байх вий гэсэн хар байгаа. Гэхдээ олон улсын шүүхэд Монголыг зориудаар ялагдуулах сонирхол хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүст байсан юм биш үү гэдэг хар илүү хүчтэй төрж байна. Эрдэнэт үйлдвэр, “Жаст”, Стандарт банктай холбоотой жинхэнэ эх гэрээг хэн Арбитрийн шүүх рүү явуулахаас татгалзав. Үүнийг тухайн үеийн эрх баригчид л хийх боломжтой. МАН нь байна уу, АН нь байна уу, эрх барьж байсан хүмүүсийн хийсэн ажил болж таарч байна. Түүнээс биш жирийн нэгэн ийм үйл явдлыг саатуулах, бичиг баримт гаргаж өгөхгүй гүрийх боломжгүй юм. Үүнийг л өдгөө манай хуулийн байгууллага маш шударгаар тогтоох хэрэгтэй байна. Олон түмэн шударга шийдвэрийг хүлээж байна.


Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг

disappointment зурган илэрцүүд

“Гоё байх гэсэн хэт их шунал хүнийг улам гундуулдаг” гэж бялдаржуулах төвийн багш найз маань ярьсан юм. Түүний ажигласнаар жингийн илүүдэлтэй хүмүүс гоолиг сайхан биетэй болох гэж хэт их шунаснаас улам л бүдүүрээд байдаг гэнэ. Учир нь тийм хүмүүс хоолоо ч үнэн сэтгэлээсээ дурлаж идэж чадахаа больдог ажээ. “Ийм их хоол идчихлээ. Одоо нэмж таргална даа” гэх юм уу “Яах гэж энэ хоолыг идэв ээ” гэх зэрэг санаа зовоосон бодлууд таныг улам стрестүүлж, үүнээсээ үүдэн хүссэн, хүсээгүй жин нэмж эхэлдэг байна. Харин хоолоо аз жаргалтайгаар үнэн сэтгэлээсээ таашаан идэж байгаа хүмүүст хоол нь эрч хүч, сэтгэл ханамж өгч байдаг болохоор таргалалтын шалтгаан болох нь бага ажээ. Мэдээж хоолны илчлэг, хэдэн цагт идэж байгаа зэрэг нь хамаатай боловч таргалалтын шалтгааны жин дарах хувь нь тухайн хүний санаа зоволт.

Мөн турахаар фитнесст явж байгаа хүмүүс хийж байгаа дасгалуудаа ял мэт боддог нь бие махбодид нь сөргөөр нөлөөлдөг байна. “Яаж дасгал хийнэ ээ, цаг нь хурдан дуусаасай” гэж зүрхшээн бодож байгаа хүн жин хаядаггүй, хаясан ч эргээд амархан нэмдэг гэлээ. Тиймээс алив зүйлийг хийхдээ ял мэт санаж байгаа бол үр дүн гарахгүй гэсэн үг. Харин хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, түүнээс аз жаргалыг мэдэрч чадаж байвал үр дүн нь нүдэн дээр мэдэгдээд ирдэг байна. “Гоё байх, гоо үзэсгэлэн төгс амьдарна гэдэг бол нэг, хоёр сар фитнесст хичээллээд болчихдог юм биш, насан туршийн зөв дадлын үр дүн юм шүү” гэдгийг тэр багш бусдад байнга сануулдаг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

У.Хүрэлсүх ядахдаа хэлээ хазаад өнгөрч болно доо

Монгол Улсыг тэжээдэг хоёр том уурхай байдаг нь “Эрдэнэт”, “Оюу толгой”. Энэ хоёр уурхайгаас орсон орлого нийлээд улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг бөгөөд тэнд л үйлдвэрийн дуу тасралтгүй хүнгэнэж, ажил өрнөж, амьдрал буцалж байна. Харин “Эрдэнэт” аль хэдийнээ байхгүйтэй адил болжээ. Улсын энэ том үйлдвэрийг олигархууд нүднээс далдуур 51, 49 хувиар нь хувийн өмч мэт хуваагаад авчихсан байх юм. Юун улсын үйлдвэр, юуных нь ард түмний өмч байх вэ. Хэдхэн хүний түрийвчийг түнтийлгэх хэрэгсэл болчихож.

Байдал ийм байхад ганц үлдсэн “Оюу толгой”-гоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс эхлээд сайд Д.Сумъяабазар, дэд сайд Загджав гээд албан тушаалтнууд сүүлийн үед элдэв муугаар зүхэж, буруутгах нь эрс нэмэгдлээ.

“Оюу толгой”-н уурхай бол барууны хөрөнгө оруулалттай, бүр тодруулбал манай гурав дахь хөрш Хойд Америкийн компанийн хөрөнгө оруулсан Монголын уурхай. Оюу толгойн 66 хувийг Канад улсын “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг бөгөөд Рио Тинто компанийн эзэмшлийн компани билээ. Уул уурхайн салбарын толгой компаниудын нэг болох “Рио Тинто” бол дэлхийд нэр нөлөөтэй, цар хүрээ нь том компани юм. Монголчууд уг нь геополитикоо харж л гурав дахьч хөрштэйгөө хамтарсан. Оюу толгой бол манай өмнөд хил дээр оршдог эдийн засаг, геополитикийн маш зөв байрлалтай уурхай. Оюу толгойд ажиллагсдын 97 хувь нь монголчууд. Үүнээс гадна туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчид гээд хэдэн мянган монгол хүнийг ашиг орлоготой байлгаж байгаа ганц компани. Ийм л эдийн засаг болон геополитик, стратегийн асар өндөр ашигтай ганц уурхайгаа зүхэцгээж байгаа нь Монгол Улс руу нулимж байгаатай адил харагдах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинтогийн захиралтай уулзахдаа “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг юм…” гэх мэтээр ярьжээ. Хичнээн ч хэвлэл үүнийг нь дөгөөж нийтэд цацав. Эзэн нь юмаа мэддэг ч гэх шиг. Бид эзэн нь болоод “Эрдэнэт”-ийг юу болгоод хаясныг бүгдээрээ л харж байгаа биз дээ. “Эрдэнэт” үйлдвэр энэ олон жил гайгүйхэн шиг ажиллаад ирсэний цаад учир нь орос эзэнтэй байсны гавьяа. Түүн шиг Оюу толгой канад эзэнтэй байхгүй бол удахгүй хэдэн авлигач, олигарх дарга нарын хөрөнгө болоод алга болно. Монголын эрх баригчид өлөн, шуналтай, ямагт хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг, сэтгэлгүй. Ийм хүмүүс яаж ажилладгийг Эрдэнэтээс бид хангалттай харж байна.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн маш олон удаа Оюу толгой руу хэвлэлээр нулимав. “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж “Дубайн гэрээ”-гээр зургаан тэрбум ам.долларыг олон улсын 15 банк санхүүгийн байгууллагаас авч байгаа. Ингэснээр Монгол Улсын 2021 оноос хүртэх байсан ашгийг 16 жилээр ухрааж, Монгол Улс ачуулсан баялгийнхаа 5-хан хувийг авч үлдэх болсон. Гэтэл одоо Ерөнхий сайд гүний уурхайн бүтээн байгуулалтыг нээлээ гэчихсэн баяр хийгээд явж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг боллоо. Энд баярлаад байх зүйл байхгүй” гэж мэдэгдэж байсан. Дараа нь мөн л “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний Монголын талд туйлын хохиролтой зүйл заалтыг өөрчилж чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой” гэсэн байна. Түүний Оюу толгойг зүхсэн энэ мэт хэдэн арван ярилцлага нийтэд цацагджээ.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулдаг. Цаг нь болохоор бид холбогдох мэдээ мэдээллийг өгнө.

“Оюу толгой” компанид худалдагдаж ажиллаж буй маш олон хүн байдаг. Мэдээ мэдээллийг зөөдөг, Засгийн газрын боловсруулсан материалыг зөөж, өөрсдийгөө худалддаг олон хүн байдаг юм шүү” гэж ярьжээ.

Уул уурхайн дэд сайд Д.Загджав “Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би “Рио Тинто” компанийг Монголын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. Оюу толгой компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн зарим үүргээ биелүүлэхгүй ирлээ. Манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа юм бэ. Тиймээс бид “Оюу толгой” компанийг Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаасаа эхлэн салбарын чиг үүргийн сайд нар, дэд сайд нь хүртэл зогсоо зайгүй Оюу толгой руу дайрч, мэдэгдэл хүртэл гаргасан байна. Энэ хүмүүс амаа мэдэж бурж баймаар юм. “Даяар монгол” иргэний хөдөлгөөнийхөн хятадын жижиг уурхай руу дайрч байгаа мэт л жижигхэн харагдаж байна. Иргэний хөдөлгөөнийхөн болон энгийн шүүмлэгч нар бол Оюу толгойг яаж ч шүүмжилж болно. Тэгсний төлөө буруутгаад байх шаардлагагүй. Харин Засгийн газар нь тэдэн шиг хашгиралдахаа болих хэрэгтэй. Та нар элдэв гоё шүүмжлэл хэлж, мэдэгдэл гарган ард түмнээс оноо авах гэж жүжиглэх хэрэг байхгүй. Та нарыг сонгосон ард түмнээ хоолтой байлгах нь үүрэг чинь юм шүү. У.Хүрэлсүх сайд Оюу толгойг хаагаад “Хүрээ” төвөөрөө ард түмнээ тэжээж дийлэх юм уу. Эзгүй арал дээрээс эрдэнэс олсон дээрэмчид л ингэж олз омгоо булаалддаг байх. Нэг тиймэрхүү л харагдаж байна шүү.

Оюу толгойн гэрээг энд ямар нэгэн байдлаар өмөөрөх гэсэнгүй. Мэдээж, алдаа мадагтай заалтууд байдаг л биз. Яагаад гэхээр ажил хийж байгаа газар гэнэт өөр нөхцөл байдал үүсэх, анх төлөвлөснөөс өөр байх, тухайн үед нь шийдвэр гаргаад явах гэх мэт өчнөөн үйл явдал өрнөж байдаг. Анхнаасаа буруу хийсэн заалт ч байж мэднэ. Энэ бүхнийг ажил хариуцаж авсан нөхөд тухайн үед нь хэлэлцэн засаж залруулаад явдаг. Мэдээж, хоёр тал санал нийлэхгүй байх, хэрэлдэх, муудах, заамдалцах, бүр ширээ тойруулж нэгийгээ элдэх үе ч гарна. Аж ахуйн ажил ингэж л тасралтгүй үргэлжилж явдаг. Үүн дээр попорч улстөржөөд мэдэгдэл шидээд суугаад байх нь утгагүй. Гэрээг сайжруулах ажлаа зүгээр л хий л дээ. Ийм том гэрээ хийхэд байтугай дөрвөн ханатай гэрээ нүүлгэхэд хүртэл авгай нөхөр хоёр муудалдцах нь энүүхэнд. Эхнэрийн санаа нөхөрт таалагдахгүй байж болно, нөхрүүдийн байгаа байдал ч эхнэрийн уурыг хүргэж мэднэ. Гэлээ гээд орон гэр салдаггүй, нүүдэл болдогоороо болж, амьдрал үргэлжилсээр л байдаг.

Төрийн сайд нар өөрсдийнхөө хийх ажлыг чимээгүйхэн шиг хийчихэж болдоггүй юм болов уу гэж заримдаа гайхах юм. Асуудлыг шийдэх эрх ямбыг нь өгөөд, ажлыг нь хуваарилаад байхад хүртэл нэг муу хол явахгүй мэдэгдэл сэлтээр хөөцөлдөж өдөр хоногийг өнгөрөөх юм. Болж бүтэхгүй байгаа бүхнээ хэвлэлээр мэдэгдэж, дэлхий даяар цацаж суухын хэрэг юу байна вэ. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг энэ бүхэн нууц байдаггүй юм уу. Ингэж дэлхийгээр нэг дэмий бурсаны үр дүнд олон улсын хөрөнгийн бирж дээр Оюу толгойн хувьцааны үнэ унах, Монголыг сонирхож байсан хөрөнгө оруулагчид нүүрээ буруулах хэнд ашигтай вэ. Эцсийн дүнд өнөө муу ядарсан ард түмэн чинь л хоолгүй хоцрох болж байна. Дарга сайд нар бол яахав, хөрөнгө хогшилоо чинээнд нь тултал хураачихсан хүмүүс. Бидний амыг арчин арчин хоолыг маань булаах хэрэггүй. Яг ийм байдлаараа улс орноо ч сүйдэлж байна, та нар. Хэдхэн хоногийн өмнө Америк болон Канадын компаниудын Монгол дахь сонирхол буурсан учраас Хойд Америкийн Монголын бизнесийн зөвлөлийг татан буулгасан тухай мэдээлэл цацагдсан.

Энэ бүхнээс харахад эрх барьж буй сайд, дарга нар дотроо бодолтой, дороо суурьтай байхгүй бол энэ улсын хувь заяа хоёр хөршийн мэдэлд ороод дуусах нь байна шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Алтан: Баярсайхан чи болиоч ээ. Би шүүхэд хандана

“Алтжин” группын захирал Г.Алтантай ярилцлаа. Түүнтэй холбогдоход “ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж руу дайрсан үйлдэл хэрээс хэтэрч тогооноос халиад байнаа. Тэвчээрийн хязгаар гэж байдаг юм. Аргагүй эрхэнд энэ ярилцлагыг өглөө. Үндсэн ажил ихтэй завгүй хүнд ярилцлага өгнө гэдэг их цаг зав зарсан түвэгтэй байдаг юмаа” гэлээ.


-Хамгийн сүүлийн үеийн үйл явдлаас яриагаа эхэлье. Хэд хоногийн өмнө таныг “Алтанбулаг” боомтоор хил давах гэж байгаад саатуулагдсан гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Тийм юм огт болоогүй ээ.

-Танд болон таны хүүд хилийн хориг тавьсан гэдэг үнэн үү?

-Энэ бол худлаа.

-Эрдэнэтийг Стандарт банкны барьцаанд тавьж их хэмжээний мөнгө зээлсэн асуудалд таны нэр холбогдож байна.Энэ асуудлаар таныг хүчний байгууллагаас дуудаж, байцаалт авсан уу?

-Байцаалт аваагүй. Би энэ талаар юу ч мэдэхгүй. Энэ сүлжээнд ямар ч хамаагүй. “Жаст” группт би хэзээ ч хувь эзэмшиж байгаагүй! Тэр компани хэнээс ямар зээл авч байсан ямар бизнес үйл ажиллагаа явуулж байсныг би сонирхдоггүй байсан.

-“Олон овоот” гэж хэл амны бай болсон нэг уурхай байна. Та энэ уурхайг хэр сайн мэдэх вэ. Энэ алтны уурхайд Ш.Батхүү та хоёр хамтарч хөрөнгө оруулсан гэдэг нь үнэн үү. “Олон овоот”-оос л болж Стандарт банкнаас зээлсэн өр зээл яригдаж байгаа болохоор асууж байгаа юм?

-Олон овоот анх “Монгол газар”-ын Мянганбаярын эзэмшилд байсан юм. Мянганбаяр Батхүүгийн “Жаст Ойл” ХХК-аас 40 тэрбум төгрөгийн шатахуун зээлээр авчихаад (тэр үед бол 40 сая ам.доллартай тэнцэнэ) Батхүү мөнгөө авч чадахгүй аргаа барахдаа энэ уурхай Батхүүд шилжсэн. Тэгэхэд Мянганбаяр хуурамч бичиг баримт бүрдүүлэн худлаа 20 тонн алтны нөөцтэй орд гэсэн нөөцийн сангийн бичиг баримтаар шатахууныхаа өрийг хаагаад хажууд нь “Анод”, “Зоос” банкнаас авсан 100 тэрбум төгрөгийн зээлийг Батхүүг төлөхөөр дарамт шахалтад оруулан үүрэг хүлээлгүүлээд үндсэндээ 200 тэрбум гаруй төгрөгийн өр ширтэй Олон овоотыг Батхүү авсан байдаг юм. “Стандарт” банкны зээлийн хувьд Олон овооттой огт хамаагүй “Стандарт” банк “Жаст групп” ХХК-д зээл олгосон байдаг юм.

-Саяхан Төрийн банкны захирал хэвлэлд “Ш.Батхүү, Г.Алтан нарын хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай” гэж ярилцлага өгсөн. Та Ш.Батхүүтэй хэдийнээс хамтарч ажиллах болсон бэ?

-Батхүү Алтан нарын хууль бус үйлдэл гэж юуг хэлээд байгаа юм бол оо? Миний хүү Сүрэн Батхүүд зээл өгч Батхүү зээлээ төлөх үүрэг хүлээж “Хадгаламж” банкны батлан даалт гаргасан. Ер нь зээл өгч буй хүн барьцаа хөрөнгө аль эсвэл батлан даалтгүйгээр зээл өгөх үү?

Тэр Төрийн банкны захирал гэгдээд байгаа Баярсайхан яасан аймар хүн бэ. Зүгээр л босож ирээд гүжирдээд эхлэх юм. Хүн гүтгэх нь бас нөгөө талдаа хариуцлага хүлээх эрх зүйн үндэс болдог шүү. Төрийн банкны хүсэлтээр би болон миний хүү Сүрэн гурван жилийн хугацаанд эхлээд эрүүгийн цагдаа дараа нь мөрдөн байцаах сүүлд нь АТГ-д хүртэл шалгуулсан байдаг шүү. Хэд хоногийн өмнө өгсөн ярилцлагадаа Баярсайхан нь намайг болон миний хүүг хуурамч бичиг баримт шүүхэд нотлох баримт болгон бүрдүүлсэн гэсэн байна лээ. Баярсайхан чамд хандаж хэлэхэд: Аль хэдийнээс л гурван хүчний байгууллагаар дамжуулан шалгуулж няцаалгуулчихаад яаж ийм юм ярьж чаддаг байна аа? Баярсайхан чи болиоч ээ. Би шүүхэд хандана.

-Ш.Батхүү танай хүү Эдуард Сүрэнгээс 32,8 сая доллар зээлэхдээ “Хадгаламж” банкаар баталгаа гаргаж өгсөн гэдэг. Удалгүй “Хадгаламж” банк дампуурч Төрийн банк үйл ажиллагааг нь шилжүүлэн авсан. Харин Төрийн банк таны 32,8 сая долларыг төлөх ёсгүй, хуурамч батлан даалтын баримтууд шүүхэд гаргаж өгсөн гэж баримттайгаар мэдэгдлээ. Танд баримт байгаа юу?

-“Хадгаламж” банк дампуураагүй байсан боловч нэг мэдэхэд Батхүүгээс булаан авч Төрийн банк болгосон байсан. Батлан даалтын баримт дотор нэг ч хуурамч баримт байхгүй. Тэр олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдэх гэж юу байхав дээ. Баярсайхан өөр шигээ л бусдыг бодоод байх шиг байна. Надад бүх баримтууд нь байгаа. Зээлийн гэрээ, Э.Сүрэнгийн хадгаламжийн дансанд байсан мөнгө, Жаст руу шилжүүлсэн гүйлгээний баримтууд, банкны батлан даалтын гэрээ, ТУЗ-ын шийдвэр, эрсдэлийн хорооны шийдвэр гэх мэт. Шүүхэд нотлох баримтын хэмжээнд өгч шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ.

-Ш.Батхүү захирал тэр мөнгөө өөрөө төлж чадахгүй байсан уу, эсвэл банкаа дампууруулж, Э.Сүрэнгээс зээлсэн мөнгөө төрөөр төлүүлэх арга байсан гэж бодож байна уу?

-Батхүүгээс банкыг хураан авч улмаар дээрэмдээгүй байсан бол манай хүүгээс авсан зээлээ төлөх л байсан. Өөрийн 100 хувь эзэмшлийн банкаа өөрөө дампууруулаад хов хоосон болно гэж байх уу. Тийм бодол яаж санаанд бууж байнаа. Бид бүгд аливаа худал үнэн интернэт орчинд цацагдаж байгаа давлагааг эргэцүүлэн бодож дүгнэлт гаргахаас залхуурч залхуугийн тэнэглэл гэдэг юманд орчихжээ.

-Шүүхийн шийдвэр танай хүү Эдуард Сүрэнгийн талд гарсан ч нөгөө талаас банк өгөхгүй гэж байгаа. Та энэ мөнгөө олж авна гэдэгт итгэлтэй байна уу?

-Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй бол шүүх байгаад ч ер нь яах билээ.

-Э.Сүрэнгийн мөнгийг Төрийн банкнаас гаргуулж “Стандарт” банкнаас зээлсэн мөнгөний тодорхой хэсгийг төлөх гэж байгаа гэсэн яриа байсан. Үүн дээр та ямар хариулт өгөх вэ?

-Сүрэн Төрийн банк хоёрын хооронд үүссэн асуудал нэг хэрэг. “Стандарт” банкнаас “Жаст” групп зээл авсан нь шал өөр асуудал. Энэ хоёр асуудлыг хольж солихоо зогсоомоор байна.

-Та томхон харилцагчийн хувьд “Хадгаламж” банк яагаад дампуурсан гэж боддог вэ. Үнэхээр үйл ажиллагаа нь доголдож дампуурсан уу, өөр нөлөө байсан уу?

-“Хадгаламж банк” гэж нэг түрээсийн өрөөнд хэдхэн хүн суудаг байсан газрыг дээрээс нь Монгол шуудан банкыг нэгтгэж аваад 506 салбартай актив нь хэдэн их наяд хүртэл ажиллуулж чадсан нь Батхүүгийн гавьяа. Хадгаламж банкны дүрмийн санд тэр үеийн ханшаар 90 сая ам.доллар Батхүү хийсэн байдаг. 506 салбар нэгжийг асар их хөрөнгө зарцуулан хөл дээр нь босгож ирсэн. Зүгээр л хүний идэш Батхүү бэлдээд, бүтцийг нь бүрдүүлээд хөгжүүлээд өгчихлөөр бүлэглэлийн хараанд өртөж банкаа булаалгасан. “Хадгаламж” банкийг дампууруулах гол шалтгаан энэ болсон. Тэр бүлэглэл одоо ч гэсэн санаагаа гүйцэлдүүлэхээр чармайж байгаа.

-МАН танаас мөнгө зээлж Лениний музей буюу одоогийн Үлэг гүрвэлийн музейн байрыг барьцаанд тавьсан гэж шуугиан хэдэн жилийн өмнө гарч байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Нам надаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Тэгэхээр үүргийн гүйцэтгэл хангагдаагүй байхад барьцаа чөлөөлөгдөхгүй. Ийм байдалтай байгаа.

-Таныг одоогийн Хуульзүйн сайд Ц.Нямдоржтой их холбож ярьдаг. Ямар холбоотой юм бэ. Найз нөхөд үү, хамаатан садан уу, нутгийн хүмүүс үү?

-Хэзээ ч уулздаггүй мөнхийн нууц амрагууд даа. (гэж хэлснээ инээв). Тэгж л бичдэг шүү дээ.

-Ц.Нямдорж Эрдэнэтийн захиралд Г.Алтанг зүтгүүлж байгаа гэж нэг хэсэг шуугьсан. Дараа нь Төрийн банкийг хувьчилж Алтанд өгөх гэж байна гэсэн. Одоо таныг “Стандарт” банкнаас авсан зээлтэй холбоотой, эсвэл Төрийн банкнаас хууль бусаар баахан мөнгө авах гэж байгаа юм шиг мэдээлэл цацагдаад байна. Яагаад энэ асуудлууд гэнэт нэг цаг хугацаанд гарч ирээд байна вэ?

-Ц.Нямдорж сайдыг л гүтгэж муулах гэхээр л олны нүдэнд болж бүтэхгүй юм хийдэг Алтан гэнэт гарч ирээд л бүх юмны захирал, дарга нь болоод харсан болгоноо хамж авах гээд байдаг мангас мэтээр дүрслэгдээд байх юм. Мөн чанартаа бүгд худлаа. Алтан, Нямдорж хоёрыг үзэн ядах давалгааг бий болгуулах зорилготой л тийм зүйл хэсэг бүлэг хүмүүс захиалгаар хийгээд байгаа юм аа.

-Та сүүлийн үед тун чимээгүй байлаа. Монголд амьдарч байна уу, гадаадад байгаа юу?

-“Зөвхөн Монголдоо” гэдэг билүү…

-“Алтжин” групп одоо ямар чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулж байна вэ. Ямар бизнест хөрөнгө оруулалт хийж байна?

-Бизнес урагштай явж байгаа. Бизнесээ нээж дэлгээд байдаггүй зарчимтай.

-Галд шатсан “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвд худалдаа эрхэлж байсан хүмүүсийн хохирлыг бүгдийг нь барагдуулж чадсан болов уу гэж сонирхох хүмүүс байдаг. Бүгд гомдолгүй болсон уу?

-Бүх хохирлыг барагдуулж дууссан. Долоон тэрбум гаруй төгрөгийн хохирол төлж бүгд гомдолгүй болсон.

-Таныг Анагаахын дээдэд тархи судлалаар багшилж байсан гэдэг. Яагаад бизнест орох болсон бэ.

-29 насандаа тархи судлалаар эрдмийн зэрэг хамгаалж Анагаахад тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан. Би өөрийгөө шинжлэх ухаан судлаач биш гэдгээ ойлгосон. Харин бизнесийн салбарт оролдоод үзье гэж шийдсэн нь зөв сонголт болсон гэж боддог. Тэгэхдээ олон жил ном уншсаны гавьяа их гарсан шүү.

-Аль нутгийнх вэ. Аав, ээжийнхээ талаар…

-Манай аав Увс аймагт төрсөн Цэндийн Готов гэж хүн. 18 насандаа хот орж ирсэн. Эх барих эмэгтэйчүүдийн нэр хүндтэй эмч, эрдэмтэн, багш хүн байсан. Миний ээж бол хотын хүн.

-Та олон жил бизнес хийж байгаа хүн. Монголын төр бизнес хийхэд хэр ээлтэй вэ. Ялангуяа одоо цагт?

-Бэрхшээл дарамт үзүүлэхгүй л байвал миний хувьд боллоо.

-Нам хоорондын биш бүлэглэл хоорондын дайн өрнөж байна гэдэг. Бизнесийн жам ёсны өрсөлдөөнөөр биш хэн улстөрчдөд ойр, мөнгө өгч байна тэр хүний бизнес урагшилж байна. Ийм шударга бус, чөтгөрийн тойргоос яаж гарах вэ. Яавал Монголд бизнесийн эрүүл, эрх тэгш орчин бүрдэх бол…

-Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куан Ю шиг хээл хахууль, хулгай хийдэггүй нөхцөл бүрдүүлж үнэхээр өөрийн компаниа цэцэглүүлж, хөгжүүлж байгаа юм шиг улс эх орноо удирдаад хөгжүүлж цэцэглүүлж чадвал энэ чөтгөрийн тойргоос гарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Нийслэлийн барилга, орон сууцны чиглэлд энэ жил сэргэлт гарна

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой энэ онд нийслэлд хийх бүтээн байгуулалтын талаар ярилцлаа.

-Билгийн тооллын шинэ он гарлаа. Нохой жилд Улаанбаатар хот маань ямархуу өнгө зүс, бэл бэнчинтэй орж байна вэ?

-Монгол Улсын хүн амын 47 хувь нь нийслэлд албан ёсоор амьдардаг. Албан бүртгэлтэй хүний тоо 2017 оны эцсийн байдлаар нэг сая 370 мянга орчим байна. Эдийн засгийн үзүүлэлтээс харвал дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг. Тэр утгаараа Улаанбаатар хотын бэл бэнчин бол Монгол Улсын бэл бэнчинтэй ойролцоо гэж хэлж болно. Бид жилдээ 700 гаруй тэрбум төгрөгийн төсвийн орлого бүрдүүлэн улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Хот урсгал зардалдаа 400 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг. Өнгөрсөн жилийн төсвийн орлогоо тодорхой хэмжээгээр давуулан биелүүлсэн. 2018 онд саяын дурдсан хэмжээний орлого олж ажиллахаар байна. Улаанбаатар хотын нийт хөрөнгө оруулалт гэдэг бол улсын төсвөөс гадна нийслэлийн төсвөөс бүрддэг. Мөн олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, бусад улс орноос авсан хөнгөлттэй зээл гээд аваад үзвэл 2018 онд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэнэ.

-Нийслэлийн хөрөнгө оруулалтын чуулганаар хотод нэлээн бүтээн байгуулалт өрнөх нь гэж ойлгосон. Ямар салбар чиглэлд хамгийн их хөрөнгө зарцуулах вэ?

-Нийслэлд хэд хэдэн чиглэлд бүтээн байгуулалт өрнөнө. Автозамын сангийн хөрөнгөөр шинэ зам, гүүр барих, замын засвар, өргөтгөл гээд авто замын салбарт нийтдээ 40-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр автозамын салбарт дөрвөн том төсөл хэрэгжиж байна. Энэ хүрээнд Яармаг, Сонсголон, Баянзүрхийн гүүрийг шинэчлэх бөгөөд өнөө жил 50 орчим хувийг нь хийчих байх. Мөн Замын цагдаагийн дэргэд төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барина. Налайх, Чойрын чиглэлийн авто замын ажлыг шинэчилнэ. Энэ зам бол Улаанбаатар хотын замын түгжрэлд нөлөөлдөг. Баригдаад 60 гаруй жил болж байгаа хуучин зам. Таван аймаг, нийслэлийн гурван дүүрэг рүү зорчих иргэд ганц энэ замаар явдаг учраас хотын түгжрэлд маш их нөлөөлдөг. Хэрэв энэ замын ажил дуусвал Улаанбаатар хотын гарц сайжрах боломжтой.

-Налайх, Чойрын чиглэлийн зам энэ онд дуусах уу?

-Дуусахгүй. Уг нь өнгөрсөн жил ажил эхлэх ёстой байсан ч хоёр улсын хооронд хэлэлцээр байгуулагдах тал дээр удааширсан учраас эхлээгүй. Одоо бол хэлэлцээр хийгдээд, зам барих компани нь шалгараад бүх зүйл нь бэлэн болчихсон. Хоёр жилийн хугацаанд барьж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Манайх цаг уурын хувьд хэцүү. Автозам болон барилгын ажил Монголд тавхан сар л үргэлжилдэг болохоор хугацаа шаарддаг. Өвөлдөө зогсохоос аргагүй. Нэмж хэлэхэд Зүүн дөрвөн зам дээгүүр давхар гүүрийн ажил эхэлнэ. Үүнийг дотоодын хөрөнгө оруулалтаар хийх юм.

-Өнөө жил яг хэдэн км зам шинээр тавьж дуусах вэ?

-Энэ онд 13,1 км зам шинээр барьж, 2,2 км зам өргөтгөн шинэчилнэ. Өөр бас нэг гол зүйл нь Улаанбаатар хотын гаднах тойрог замын эхлэлийг тавина.

-Гадна тойрог замын маршрут нь хаагуур байх вэ?

-Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүрэхэд нэг бол 100 айлаар дамжина. Эсвэл Нарны зам юмуу Энхтайваны өргөн чөлөөгөөр дайрна. Тиймээс төвийн ачаалалтай замуудаар дамжихгүйгээр хотын гаднах тойрог замыг тавьж байгаа. Тухайлбал, Хайлаастаас Дарь-Эх орох замын эхлэлийг тавина. Энэ нь цаашаа Амгалангаар уруудаад Богд уулын арын замтай нийлнэ. Хойшоо Баянхошуу, Толгойтоор дамжин хуучин 22-ын товчоогоор өнгөрч, урагшаа гүүрээр гарч Яармагийн замтай нийлэх их тойруугийн замыг барьж эхлэх юм. Хайлааст-Дарь-Эхийг холбосон гүүрний ажил ноднин эхэлсэн, энэ жил дуусна.

-Хотын тэр дундаа гэр хорооллын барилгажуулалт хэр үргэлжлэх вэ?

-Засгийн газрын зүгээс ипотекийн зээлийг дахин сэргээж, үйл ажиллагааг нь идэвхжүүлнэ гэсэн зорилт тавьж байгаа учраас нийслэлд барилга, орон сууцны чиглэлд энэ онд сэргэлт ажиглагдах байх. Хотод төлөвлөгдсөн хэмжээгээр бол Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд 1000 айлын орон сууцны барилгыг энэ хавар эхлүүлнэ. Нийслэлийн орон сууцны корпорацийн хүрээнд Яармаг болон Баянхошууны эцэс, Ханын материалын орчимд түрээсийн орон сууцны хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхэлнэ.

Ипотекийн зээл болон бусад хөрөнгө оруулалт гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгаа энэ хавар эхлүүлэх боломжтой. Ингэвэл нийслэлийн 24 байршилд дахин төлөвлөлтийн орон сууцнуудыг барих ажил үргэлжилнэ.

Бидний бодлого бол иргэдийн орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэхэд чиглэж байгаа. Улаанбаатар хотод тансаг хэрэглээний буюу 100 м2-аас дээш талбай бүхий орон сууцны хангамж хангагдсан гэж үзэж байна. Иймд 40-60 м2 талбай бүхий хоёр өрөө сууцны хэрэгцээ их байна. Бид барилгын компаниудад захиалга өгөхдөө 70 орчим хувь нь иргэдийн хэрэгцээнд нийцсэн орон сууц байх ёстой. 30 орчим хувь нь 100-гаас дээш м2-тай, дөрвөөс дээш өрөөтэй орон сууц байхаар төлөвлөлтөө хийнэ гэсэн шаардлага тавьж ажиллаж байна.

Гэр хорооллыг багасгахын тулд хашааны газрыг нийслэл газрын сандаа худалдаж аваад урьдчилгаагаа гаргаж өгөх бололцоогүй айлуудын урьдчилгааны мөнгийг нийслэлээс олгоё гэж байгаа юм. Ийм аргаар өнгөрсөн жил 57 айлыг орон сууцтай болгосон. Үүнийг өргөжүүлээд явах юм бол яг бодитойгоор яндангаа хураалгаад газраа нийслэлийн газрын санд тушаагаад явах юм. Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд мянган айлын орон сууцыг бариад хашаатай мянган айлын газрыг аваад айлуудаа оруулах юм. Чөлөөлсөн газар дээрээ дараагийн байраа барих маягаар явна. Тэгэхгүй бол түрүүнд хэрэгжиж ирсэн орон сууцны бодлогын алдаатай тал нь байрны нөхцөл сайжруулахад чиглэгдсэн. Өөрөө байртай хүн дараагийн байраа авахдаа ипотекийн зээлд хамрагдаад байсан. Гэр хорооллоос орон сууцанд орсон айл цөөн байгаа. Хэрэв агаар, хөрсний бохирдлыг бууруулах л гэж байгаа бол гэр хорооллоос айл өрхүүдийг бодитойгоор орон сууцанд оруулах бололцоог хангах ёстой.

Үүнээс гадна Азийн хөгжлийн банкны зээлээр Улаанбаатар хотод 10 мянган айлын орон сууц барихаар болж байна. Ирэх оны нэгдүгээр сараас төсөл маань хэрэгжээд явна. Тэгвэл орон сууцны зах зээлд том хувьсал өөрчлөлт гарна гэж харж байгаа. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод Байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орсон. Хот хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр өртөг багатай барилгыг өвөл зунгүй үйлдвэрлэж болох боломжтой болж байна. Бид энэ зун туршилтын байдлаар эхний ээлжинд хаана ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгээ ярьж байна.

-Одоо баригдах түрээсийн орон сууц гэх мэт хороололдоо Байшин үйлдвэрлэх комбинатын бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй юу?

-Хот өөрөө шууд худалдан авалт хийхгүй учраас тухайн барилгын компаниудын сонголт болчихоод байгаа юм. Хэрэв өртөг багатай хямд байх юм бол авах л байх. “Эрэл” компанийн зүгээс “хамгийн бага өртгөөр барилгын хийц эдлэлээ гаргана” гэж амлаж байгаа. Тэд л өөрсдөө маркетинг менежментээ сайн хийх хэрэгтэй. Харин хот сургууль, цэцэрлэгийн барилга захиалахдаа угсармал хийц эдлэлээр хийнэ гэх мэтээр бодлогын дэмжлэг үзүүлэх боломжтой.

-Сургууль, цэцэрлэгийн барилга олныг барих төлөвлөгөө байсан уу?

– 2020 онд дунд сургуулийг гурван ээлжгүй болгоно, цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ гэж би мөрийн хөтөлбөртөө тусгасан. Өнгөрсөн жил цэцэрлэгийн хүүхдийн хамрагдалт 67 хувьтай байсныг 76 хувь болгож нэмсэн. Энэ тоог 85 хувьд хүргэвэл олон улсын дундаж түвшинд очно. Өнөө жил 50 гаруй сургууль, 30-аад цэцэрлэгийн ажил эхэлнэ.

-Хотын замын түгжрэл асуудал болсоор удлаа. Түгжрэл бууруулах ямар ажил хийж байгаа вэ?

-Түгжрэлгүй болно гэдэг нэлээн түвэгтэй асуудал. Улаанбаатарын гааль дээр жилд 40 мянган машин буудгийн 20 хувь нь л хөдөө орон нутаг руу явж байна. Үлдсэн 80 хувь нь нийслэлд шингэдэг. Гэтэл ашиглалтаас гарч хогийн цэг дээр очиж байгаа машин маш цөөн. Улаанбаатарын машин жилдээ 35 мянгаар нэмэгдэж байгаа тохиолдолд замын түгжрэл бууруулахад хүндрэлтэй. Одоо дугаарын хязгаарлалт үйлчлээд ч ачааллаа дийлэхээ больсон. Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг түгжрэл бууруулах асуудал дээр байнга ажиллаж байдаг. Түгжрэл бууруулахын тулд замаа өргөтгөх ёстой ч энэ нь хэмжээ хязгаартай. Замын хөдөлгөөний дүрэмдээ өөрчлөлт оруулах, жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцох хэрэгтэй байгаа. Тээврийн хэрэгслийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай. Нийтийн тээврийг сайжруулах ёстой гэх мэт түгжрэл бууруулах ажлыг цогцоор нь төлөвлөөд ажиллаж байна. Үүн дотор хамгийн чухал нь гүүрэн байгууламж, давхар замуудыг нэмж барих, хөдөлгөөний эрчимийг сааруулахын тулд зогсоолуудыг сайжруулах ажилд анхаарч байна.

-Өнгөрсөн зун зүүн эргэх хөдөлгөөнийг хаасан нь иргэдийг бухимдуулсан. Хэрэв тэр хэвээрээ байсан бол үр дүнд хүрэх байсан уу?

-Өнгөрсөн жил туршилтаар зүүн гар тийш эргэхийг зогсоосон. Улаанбаатар бол баруунаас зүүн тийш сунасан хот. Том гол артерийн судас гэвэл Энхтайваны өргөн чөлөө. Энхтайваны өргөн чөлөөг чөлөөлж өгсөнөөр автозамын нэвтрэх чадвар нэмэгдэнэ гэж тооцоолсон. Ингэснээр жижиг уулзварууд дээр түгжрэл үүсэх нь тодорхой байсан ч гол судасны хөдөлгөөнийг чөлөөлж өгсөнөөр замын түгжрэл 30 хувиар буурна гэж тооцсон юм. Харамсалтай нь, манай иргэд маш тэвчээргүй хандсан. Бид цаг хугацааны хувьд буруу тооцсон. Засгийн газар манай шийдвэрийг хүчингүй болгосон. Уг нь энэ шийдвэрээр нэлээн явуулж, жижиг уулзваруудынхаа замыг сэтлэхийг нь сэтлэх гэх мэтээр ажилласан бол түгжрэл буурах ач холбогдолтой байлаа. Төв зам түгжрэлгүй байна гэдэг их чухал юм. Гэхдээ энэ шийдвэр хэрэгжиж чадаагүй ч бид түгжрэл бууруулах өөр арга замуудыг туршиж, үр дүн гаргахын төлөө л ажиллаж байна. Ер нь дэлхийн том хотуудад төв замын машины өөдөөс нь өөр машин зүүн эргэдэг, эсвэл явган хүн гэнэт гүйгээд гараад ирдэг үзэгдэл байдаггүй. Машин дандаа баруун эргэж явдаг.

-Хотын хүн амын бөөгнөрлийг тэлж, дагуул хотуудыг хөгжүүлэх нь замын түгжрэл бууруулах нэг арга гэдэг. Энэ тал дээр хийж байгаа ажил гэвэл…

-Энэ зуны хувьд бид томхон ажил эхлэх гэж байгаа нь Улаанбаатар хотын захиргааг Яармаг руу нүүлгэх. Улаанбаатар одоо нэг төвтэй том хот. Сүхбаатарын талбайг тойроод бүх яам тамгын газрууд, их, дээд сургууль, дэлгүүр хоршоо, албан газрууд нь байдаг. Хотын гурав, дөрвөн зуун машин бага тойруу, их тойруугаа дагаад л хэдэн албан газрын хооронд өдөржингөө давхидаг. Тиймээс Улаанбаатар хотыг найман дэд төвтэй болгохоор Ерөнхий төлөвлөгөө батлуулсан. Яармаг, Баянхошуу, Дэнжийн мянга, Амгалан гэх мэт найман дэд төвдөө хотын төр захиргааны байгууллага, албан газруудаа шилжүүлж байршуулах юм. Эхнээсээ иргэдэд үйлчлэх төвүүдээ хотын захууддаа байгуулаад эхэлсэн. Заавал хотын төв орж үйлчилгээ авах биш гэртээ ойрхон эсвэл түгжрэл багатай газарт нь очоод төрийн үйчилгээг тэндээс хүмүүс авч байна. Хотын нэг дэд төв болох Яармагийг бид Улаанбаатар хотын санхүү бизнесийн төв болгоно гэж үзэж байгаа. Яармагт нийслэлийн төр захиргааны байгууллагыг нүүлгэх ажил энэ зунаас эхэлнэ. Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 33 агентлаг хотын төвөөс нүүнэ. Хамгийн багаар бодоход биднээс үйлчилгээ авдаг 15 мянган иргэн хотын зах руу явна гэсэн үг. Би өөрөө ингэж үлгэр үзүүлж, хотын зах руу нүүснээр төрийн бусад газруудыг хотоос гарах, дагуул хотуудад байрлах, ингэснээр хэт төвлөрөл, түгжрэлийг багасгах эхлэлийг тавьж байгаа юм.

-Нүүж амжих уу. Өмнөх хотын дарга Баянхошуу руу хотын захиргааг нүүлгэнэ гээд л шав тавьсан. Тийшээ нүүж болоогүй юм уу?

-2019 ондоо багтаан бүрэн нүүнэ. Баянхошуу руу нүүхэд 132 сая ам.доллар буюу 300-гаад тэрбумын өртөгөөр гадны компаниар бариулах байсан ч Засгийн газрын тогтоолоор концессын гэрээ нь хүчингүй болсон. Мөн Баянхошуунд газар чөлөөлөх боломж бага. Яармагт бол сул газартай. Хот маань урагш тэлж байна. Шинэ нисэх буудал хотын баруун урд байгаа учраас замын дагуу нь хотын захиргаа байрлуулах нь хамгийн тохиромжтой юм. Өмнөх шийдвэрээс зөрж байгаа юм биш. Санхүү эдийн засгийн төв болгоход Яармаг хамгийн тохиромжтой.

-“Сервис сентер” гэж хотынхон их ярьж байна. Энэ талаар…

-Гэр хорооллын айл өрхийг цэвэр бохир усны системд нэгтэж, орчин үеийн таун хаус хорооллыг бий болгох эхлэлийг тавьж байгаа том төсөл. “Сервис сентер” буюу дэд бүтцийн төв гэж нэрлээд байгаа. 200-300 айлын дунд нэг төв байгуулж, тэндээсээ цэвэр ус, ариутгал, дулааны асуудлаа шийднэ. Төвийн дулаан очих боломжгүй бүсэд байгаа гэр хорооллын 200-300 айл нэгдэж, хүсэлтээ хотод гаргах юм бол бид “Сервис сентер” байгуулж өгнө. Тэдний хүсэлтээр төв шугам татаж өгөхөд гэр, гэр рүүгээ орсон холболтоо иргэд өөрсдөө хариуцна. Байшингаа өөрсдөө маш сайн дулаална. Мөн өөрсдөө ашиглалтын зардлаа хариуцна гэсэн гарын үсгээ зурсан байх ёстой. Ингэвэл хот өөрийн зардлаар “Сервис сентер” байгуулаад өгнө. Төсвөөс нэг айлд 60 сая орчим төгрөг зарцуулж ийм төв байгуулах тооцоо гарсан. Энэ бол гэр хорооллыг хувьслын шинжтэй өөрчлөх төсөл. Энэ жил гурван газар ийм төв байгуулна. Хот өөрийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хийнэ. Байгаль орчны яам Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд, Барилга, хот байгуулалтын яам бас хийх юм. Миний Засаг даргаар ажиллах хугацаанд хэрэгжүүлсэн хамгийн үлдэцтэй ажлын нэг нь энэ “Сервис сентер” байх болно гэж үзэж байгаа. Ирэх арванхоёрдугаар сард эхний ээлжийг ашиглалтад оруулж, хашаандаа ингэж тав тухтай сайхан амьдарч болох юм гэдгийг харуулна.

-Дулаан болохоор бид утаагаа мартаж, өвөлтэй золгохоороо хашгирч эхэлдэг. Утаа багасгах талаар ямар ажил хийж байна вэ. Утаа ер нь буурах уу?

-Би эрх мэдлийнхээ хүрээнд хамгийн дээд шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Шилжилт хөдөлгөөнийг хориглосон, агаарын чанарын бүс тогтоож түүхий нүүрс түлэх бүсийг тогтоосон, суурьшлын бүс тогтоосон гээд алдартай гурван захирамж гаргасан. Энэ жил утаан дээр томхон ахиц гарна. Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд хотод түүхий нүүрс түлэхийг хорьё гэсэн шийд гаргасан. Хот жилдээ нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Сайжруулсан түлш хэрэглэвэл 50 хувиар багасна. 650 мянган тонн сайжруулсан түлш хэрэгтэй байгаа. Үүнийг үйлдвэрлэх хүчин чадлын үйлдвэр энэ зун бий болгоно. Улаанбаатарт гал түлье гэж байгаа бол сайжруулсан түлш, стандартын зуух л хэрэглэ гэж байгаа юм. Ийм шийдвэрийг хэрэгжүүлж чадвал утааг 50 хувь багасгах боломжтой. Үүний төлөө бүх хөрөнгө хүчээ дайчлан ажиллаж байна. Хоёрт, цахилгаан халаагуур хэрэглэж болох ч өртөг өндөртэй. Цахилгаан станцын болон шугамын хүчин чадал хүрэхгүй. Хамгийн ихдээ жилд 20 мянган айлыг л цахилгаанаар халаах боломжтой ч энэ аргаа хэрэглээд явна. Мөн байгууллага болгонд байдаг жижиг уурын зуухуудыг алга болгож, төвийн дулаанд холбох боломжтой газруудыг холбох ажлыг хийж эхлээд байна.

-Сайжруулсан түлш хэрэглэх хүмүүсийн маань амьжиргаа ямар билээ. Үүнийг тооцсон уу?

-Сайжруулсан зуухаа түүхий нүүрсний үнээр борлуулна. Татаасыг нь хэрэглэгч болон үйлдвэрлэгчдэд өгнө. Түүхий нүүрс тн-ыг нь 90-100 мянган төгрөгөөр иргэд худалдаж авч байна. Сайжруулсан түлш 150 мянган төгрөгийн үнэтэй. Энэ зөрүүг нь иргэдэд олгохдоо гэрээ хийнэ. Маш сайн хяналт тавина. Улаанбаатарт 200 мянган гэр хорооллын айл байна. Үүний 50 мянган өрх нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гээд улсаас түлшний хөнгөлөлт авдаг. Тэр 50 мянган айлд түлшний хөнгөлөлт гэлгүй түлшийг нь өгөөд үлдсэн 150 мянган айлдаа л татаас өгөх юм.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хариуцлагатай аялж чадвал Америк үүдээ нээхэд бэлэн болжээ

эрх чөлөөний хөшөө зурган илэрцүүдӨнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын Засгийн газраас АНУ-д хандан “Н2 түр ажилчны визний хөтөлбөр”-т Монгол Улсыг хамруулах хүсэлт гаргасан. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам ч уг хүсэлтийг дэмжсэн бөгөөд Вашингтон дахь Төрийн департамент үүнийг баталснаар монголчууд Америкт албан ёсны визтэй ажиллах эрхтэй боллоо. Энэхүү түр ажиллах визний хөтөлбөр нь дотроо хоёр янз. H2A ангиллын визээр хөдөө аж ахуйн салбарт ажиллах бөгөөд ажиллах хүчний тоо хязгааргүй. Мөн хэлний шаардлага тавьдаггүй. H2B ангиллын визээр хөдөө аж ахуйн бус ажлыг эрхлэх бөгөөд ажиллах хүчний тоо хязгаартай.

Ийн холын Америк монголчуудад илүү ойртож байна. Хуучин бол Америк явах тухай ойлголт энгийн хүмүүст мөрөөдөл байсан юм. Дарга нар, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн ах дүү, хамаатан садан, үр хүүхдүүд л ардчиллын өлгий оронд очдог байлаа. Тэгвэл одоо Америк явна гэдэг мөрөөдөл байхаа больж, жирийн малчин залуу ч тэнд очоод албан ёсоор ажиллах боломж нээгдэж байна. АНУ-ын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлберг манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монголын Засгийн газрын хүсэлтийг манай ЭСЯ АНУ руу дэмжиж санал болгож явуулсан. Тиймээс H-2 визний зөвшөөрлийг олгохдоо Монголын Засгийн газрын манайхтай хамтарч байгаа үр дүнтэй хамтын ажиллагааг үндэслэж дэмжсэн. Тэдгээр ажлуудын нэг Америкт хараар үлдэж байгаа хүмүүсийн тоог багасгахад Монголын засгийн газар хамтарч ажиллаж байгаа. Миний хувьд дөрөв дэх орондоо Консулын алба хашиж байна. Монголын Гадаад харилцааны яам манай Элчин сайдын яамтай сайн хамтарч ажиллаж байгаа явдал бол надад тохиолдож байгаа анхны орон гэж хэлж болно. Иймд Монголын төр засгийн зүгээс одоогийнхоо хийж байгаа ажлыг үргэлжлүүлээд явах ёстой. Монголын Засгийн газар “Хариуцлагатай аялцгаая” аяны хүрээнд монголчуудын ухамсарт нөлөөлөхөд маш сайн хамтарч ажиллаж байгаа. Гэнэтхэн нэг өдөр визний зөрчилгүй иргэдийн тоо тэг болно гэж байхгүй. Энэ ажлыг тасралтгүй алхам алхмаар урагшлуулах хэрэгтэй” хэмээн ярьжээ.

Манай Гадаад харилцааны яамнаас АНУ-ын виз мэдүүлэх, тус улсын виз авсан иргэдийг Америкт зорчихдоо визний хугацаагаа хэтрүүлэхгүй байхыг уриалсан “Хариуцлагатай аялцгаая” аян эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд баримтат кино хүртэл хийсэн бөгөөд визний хугацаандаа мэдлэг боловсролоо дээшлүүлэн, эх орондоо ирж амжилттай ажиллаж байгаа залуусын төлөөллийг оруулсан байна. Хэрвээ монголчууд Америк явахдаа хариуцлагатай аялж сурвал бүр илүү өргөн боломж бидэнд нээгдэх юм. Харамсалтай нь “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн бидний хар амиа бодсон араншин Америкийн визний бодлогод ч нөлөөлдөг. Америк явсан хүмүүсийн дийлэнх нь тэндээ харлаж, хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа болохоор америкчууд бидэнд виз олгохдоо харам байдаг. 2016 онд АНУ-ыг зорьсон монгол иргэдийн талаарх таагүй статистик мэдээ байна. Түүнд дурдсанаар АНУ-д ажил болон аяллаар зорчигсдын найман хувь нь хугацаа хэтрүүлэн үлдсэн. Оюутан болон солилцооны хөтөлбөрөөр зорчигсдын 20 орчим хувь нь хугацаагаа хэтрүүлэн үлдсэн байна. АНУ-ын ЭСЯ-ны тооцоолсноор 2016 онд цагаачлалын бус визээр Америкт зорчсон Монгол иргэдийн гуравны нэг хувь нь зөвшөөрөлгүй ажил эрхэлсэн гэжээ. Зөвхөн амин хувиа хичээж, өөрийгөө бодсон энэ хүмүүсийн балгаар Америкийн виз хүссэн бусад нь татгалзсан хариу авч байна. Тэгэхэд Хятад улсын иргэд визний хугацаа хэтрүүлдэг тохиолдол 0.9, Солонгос гэхэд 0.46 гэсэн хувьтай гарчээ.

Тиймээс Америк явж байгаа монголчууд маань хар амиа бодож, харлаж үлддэгээ болих хэрэгтэй. Монгол Улс ч гэсэн иргэнээ бүртгэж, хэн хаашаа хэзээ явж байна. Хэзээ эргэж ирэх ёстой гэдгийг мэддэг байх ёстой. Ялангуяа Америк явж байгаа хүмүүсээ мэддэг, ар гэр, амраг садантай нь харилцаа холбоотой байдаг болъё. Гадаадад гарч хараар амьдарна гэдэг хэн нэгний дур зоргын асуудал байдгийг жаахан ч болов цэгцэлмээр санагддаг. Энэ нь хувь хүний эрх, эрх чөлөөнд халдаж байгаа хэрэг биш бөгөөд Монгол Улсын нэр хүнд, монголчуудын хувь заяанд ч эергээр нөлөөлөх бодлого болох учиртай. Монголын төр гадаадад, ялангуяа Америкт хууль бусаар амьдарч байгаа монголчуудаа бүртгэж, бүгдийг нь биш юм гэхэд заримыг нь эх орондоо авчрах гэх мэт ажлаа тасралтгүй хийж байх ёстой. Мөн Америкт зорчиж байгаа иргэддээ визний хугацаагаа хэтрүүлэхгүй, хууль бусаар ажиллаж, амьдрахгүй байх талаар зөвлөж, ухуулж сэнхрүүлж байя. Үүний үр дүн бол монголчууд АНУ-ын виз авах нөхцөл хөнгөрөх, улмаар ирээдүйд Монгол Улс АНУ-ын “Визээс чөлөөлөх хөтөлбөр”-т хамрагдах бодит нөхцлийг бий болгоход чиглэгдэх ёстой. Америк руу визгүй зорчих эрхтэй болохын тулд улс орнуудад үүнээс өөр олон шалгуур тавьдаг. Тухайлбал, аялал жуулчлалын “В” ангиллын визний татгалзал гурваас доош хувьтай байх, Терроризмын эсрэг, хууль сахиулах, хилийн хяналт, мөн бичиг баримтын аюулгүй байдлын өндөр стандарттай байх гэх зэрэг шаардлагууд багтдаг. Энэ бүхнийг бид бодлогоор зорилго, дэс дараалалтай аажим аажмаар хэрэгжүүлж эхэлбэл Америкт визгүй зорчих өдөр холгүй байна. Тэгвэл тэнд хараар амьдарч байгаад ирсэн монголчууд ч эргээд албан ёсоор очих эрхтэй болно.

Аль юм болгонд бид хар амиа хичээж, өөрийгөө бодож амьдрах билээ. Нэг хүний хугацаа хэтэрсэн визний ард нэлээд олон хүний виз гарахгүй үлдэж байна. Нэг монгол Америкт харлаж, хууль бусаар ажиллаж амьдарч болоод байгаа мэт. Тэгвэл яг тийм хүмүүсээс болоод нэлээд хэсэг хүн тэнд сурах, аялах, бизнес хийх боломжоо хаалгаж байна. Энэ бүхнийг ойлгож, хаана хаанаа жаахан хариуцлагатай байя. Ингэж чадвал Америк орон бидэнд хаалгаа нээхэд ойрхон л байна даа.