Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал улс-төр

Хуучин хонгилын хаалт уу? эсвэл шинэ хонгилын нээлт үү?

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор асан Б.Дорлигжавыг АТГ-аас баривчилсан нь шинэ он эхлээд өрнөсөн шуугиантай үйл явдлын нэг болов. Энэ баривчилгааг хүмүүс хэд хэдэн янзаар тайлбарлаж, өөр өөрсдийн таамгаа дэвшүүлж байна. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг сүр дуулиантай баривчилж, нэг сар хориод суллаад явуулсан шиг үйл явдал болно гэж хардах хүмүүс ч байна. Илт баримт нотолгоотой хэргийг ингэж чадахгүй гэж зарим нь үзэж байгаа. Ямартаа ч учир мэдэх хүмүүс “Шинэ хонгил нээгдлээ” гэж байхад нөгөө хэсэг нь “Хуучин хонгил хаалтаа хийж байна” гэж дүгнэж эхэлжээ. Үнэхээр Б.Дорлигжавын баривчилгаа нийгэмд ойлгомжгүй байдал үүсгэлээ. Яагаад гэдгийг нь харъя.

Б.Дорлигжав бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тун ойрхон хүн. Ерөнхийлөгчийн хүн гэчихэж ч болно. МоАХ угшилтай. Тэрбээр зарим ярилцлагандаа “Би Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа” гэдгээ илэрхийлж байсан. Тэр ч бүү хэл, Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна гэдэг хүн.

АТГ-аас түүнийг авлигын хэргээр баривчилсан. Дарга нь Х.Энхжаргал. АТГ-ын дарга Х.Энхжаргалыг М.Энхболд тавьсан гэсэн тэмцэл өрнөөд худалч хүнд Монголын төр бараг хагас жил таг зогслоо. Тэд Шударга бусын хонгилыг нураана гэж тэмцэж байгаа. Тэмцэгчдийн ярьж байгаагаар Шударга бусын хонгилын эзэд нь М.Энхболд, Ц.Элбэгдорж, Х.Энхжаргал тэргүүтнүүд гэдэг. АТГ-ынхан Б.Дорлигжавыг баривчилж хорьсноор хуучин хонгилын эзэд Ерөнхийлөгчийг айлгах, түүнд ямар нэгэн дохио өгөх ажиллагаа явууллаа гэж уншигдахаар байна. Энэ хүртэл ингээд ойлгомжтой үйл явдал өрнөж байгаа юм. Гэтэл огт ойлгомжгүй, гайхмаар нэг юм гараад ирсэн нь “С1” телевиз. Б.Дорлигжавыг баривчилахаар гэрт нь нэгжлэг хийж байх яг тэр үеэр Ерөнхийлөгчийн гэгдэх С1 телевизээр “Алтан Дорнод”-ын Т.Ганболд ярилцлага өгөөд эхэлсэн. “Наадах чинь прокурор байхдаа ингэж шантаажилж, ингэж мөнгө дээрэмдэж авсан шүү” гээд бараг хуруугаараа өөр рүү нь чичлээд сууж байсан. Зохион байгуулалттай гэмээр энэ үйл явцыг харахаар, байдал өөр болжээ гэмээр харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Шинэ хонгил бий болжээ гэж ойлгогдож байна. Шинэ хонгилын нээлт сүр дуулиантай эхэллээ гэж харагдахаар байна.

Үйл явдлыг дээрх хоёроос өөрөөр тайлбарлах гаргалгаа ч бас байна. Хуулийнхан хэний ч заавраар биш, өөрсдөө бие дааж ийм үйл ажиллагаа явуулж байж бас болно. Эрх баригчид хоорондоо хэрэлдэж, хүч нь сулрахаар барим тавим ийм баримттай хэргийг хуулийнхан өөрсдөө бие дааж шийддэг. Үүний том жишээ бол Гаалийн Х.Баатар. Түүнийг баривчилж, шалгах, хорих, шийтгэх ажиллагааг хуулийнхан хэн нэгний даалгавраар биш өөрсдөө хийсэн. Улайм цайм идэж уугаад, илт давраад байхаар нь хэрэг үүсгэн шалгасан гэдэг. Үүн шиг үйл явдал болсон ч байж мэднэ. Орондоо орох завгүй олзлон байлдах гэдэг шиг эрх баригчид гэртээ харих завгүй хэрүүл зарга хийж, наагуур цаагуур уулзан гүйцгээж байна. Тэдний ийм завгүй тэмцлийн араар шуугиантай гэмт хэргийг нийгэмд ил гаргаад цацчихаар аль ч хонгилынхон өмөөрч чаддаггүй.

Б.Дорлигжавын баривчилгааг тойрсон үйл явдал ийм олон таамаг, гайхширал төрүүлж байна. Б.Дорлигжавыг баривчлаад цаашид үүнээс ч том баривчилгаа хөвөрнө гэх хардлага, таамаглал ч зэрэгцээд цацагдаж эхэллээ. Энэ бүхнийг алийг нь ч бодит, үнэн зөв гэж нэг талд нь гарах арга алга. Гэхдээ аль нь ч үнэн байлаа гэсэн маш харгис үйл ажиллагаа явагдаад өнгөрлөө гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад харгис гэхээр түүнийг баривчлах ажиллагаа хүн ёсны үүднээс харвал элэг эмтрэм, өр өвдөм дүр зураг бууж байна. Гэрт нь нэгжлэг хийж, байцааж байсан цаг хугацаа, үйл явдлыг хараад байхад Б.Дорлигжавын гэрт ийм үйл явдал өрнөж байсан болов уу гэж тааж байна. АТГ-ын хоёр комиссар Б.Дорлигжавын хоёр талд нь суугаад зурагт асаан C1 дээр сувгаа тааруулна. Бусад нь гэрийг нь онгичон нэгжиж байсан биз. С1 телевизээр шууд л Б.Дорлигжав руу хандан “Алтан Дорнод”-ын Т.Ганболд “Заяа чинь тэр дээ, ганц охиноороо сор залсан чинь. Миний мөнгө чамд гай болсон шүү” гэж чичилж эхлэх өр өвдөм дүр зураг харагдаад болдоггүй. Хүний мөн чанар ингэтлээ доошоо унаа юу гэмээр дүр зураг. Энд гэмт хэрэг, авлигал, дээрмийн асуудлыг ярьсангүй, өмөөрсөнгүй. Зүгээр л хүнийг яллахдаа хамгийн эмзэг, хамгийн ариун нандин үр хүүхэд рүү нь халдаж, тавлаж, үхэл хагацлаар нь даапаалж байгаа нь аймшигтай харгис харагдаж байна. Монголын сэтгүүл зүй Б.Дорлигжав гэж хүнтэй дайсан биш, анд нөхөд ч биш. Шүүмжлэхдээ шүүмжилж, дуугарахгүй гэсэн зүйлээ ч өнгөрөөж байсан. Ялангуяа охиныг нь өнгөрөхөд бид “Золгүй, харамсалтай явдал боллоо” гэж халаглаж байсан юм шүү.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монгол төрийн тэргүүнүүд ажлаа өгснийхөө маргааш ухаардаг нь гунигтай

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн толгойд заларч байсан эрхэмүүд албан тушаалаа өгснийнхөө маргаашаас нь шахам “Монгол Улсаа хөгжүүлнэ, ард түмнийхээ амьдралыг сайжруулна, шударга ёс тогтооно” гээд яриад эхлэх юм. Уг нь бол “Улсаа хүний дор орохоогүй хөгжүүл, наад нэг ядарсан хэдэн ард түмнээ ажилтай, ашиг орлоготой болгоодох, тэр алга болсон шударга ёсоо тогтоо” гэж л намынхан нь нэр дэвшүүлж, олноороо дэмжиж толгойдоо залсан. Ярьж байгааг нь хэрэгжүүлэх боломжийг олгож, хичнээн жил хүлээсэн гэсэн үг. Гэтэл тэд нар төрийн толгойд гараад юу ч хийдэггүй. Юу хийж байгаа нь мэдэгдэхгүй алга болдог. Ард түмэн нь бүү хэл, анд нөхөд нь ч ойртож дөхөхийн аргагүй нэг их хамгаалалтад орж, хэдхэн хүний үгийг сонсдог болтлоо амьдралаас тасардаг нь үнэн юм. Сүүлд сонсох нь ээ, “Ийм хуйвалдаанд оролцсон, тийм бүлэглэлийг удирддаг, тэгж хулгай хийсэн, ингэж хууль зөрчсөн” тухай л дуулддаг.

Төрийн өндөр дээд албанд очно гэдэг эрх ямба эдлэхээс илүүтэй өдөр шөнө, цаг минут, нэг секунд ч алдалгүй улс эх орноо яаж хөгжүүлэх, эдийн засгаа яаж өсгөх, хүн ардаа яаж аятайхан амьдруулах, хүүхэд өтгөсөө хэрхэн халамжлах тухай бодож, төлөвлөж, ажил хэрэг болгож, шийдвэрлэж байдаг туйлын завгүй ялтай ажил. Үүнийхээ төлөө элэгдэж, эмтэрч, эрүүл мэндээ ч тавьж туух нь бий. Энэ бол ажил. Монгол төрийн нэртэй зүтгэлтнүүд ингэж л ажиллаж амьдарч байв. Тэднийг ард түмэн мартдаггүй, домог мэт яригдсаар, одоо ч амьд мэт хүндэлсээр байдаг. Харамсалтай нь, сүүлийн үеийн дарга даамлууд маань төрийн тэргүүний ямбыг нь хэтрүүлэн эдэлж, ялтай ажил хэргийнх нь тухай ор тас мартаж орхидог мэт. Хийдэг ажил нь эрх ашиг нэгтэй бүлэглэлүүдийнхээ төлөө л санаа тавьсан байдаг. Харин ажлаа өгөхөөрөө гэнэт ухаардаг юм болов уу, элдэв хөдөлгөөн, нам байгуулж “Ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллана аа. Энэ улс орон чинь болохоо байлаа” гэж сонссон хүн шүүрс алдмаар гоё гоё юм ярина. Дарга байхдаа ярьж байгаагаа хийхгүй яав даа гэж гол харламаар. Үнэхээр ч тэдний хэзээ хойно ухаарсан яриаг сонсохоор гол горойж халагламаар санагддаг юм. Бүгдээрээ хамгийн эрх мэдэл бүхий дарга байсан хүмүүс шүү дээ.

Монгол Улсын Ерөнхий сайд байсан Норовын Алтанхуяг “Нэгдмэл Монгол” нэртэй хөдөлгөөн байгуулснаа зарлалаа. Монгол Улсыг диваажин болгох юм байх. Энэ түүний хоёр дахь санаачилга нь. Хэдхэн жилийн өмнө “Алтангадас” гэдгийг байгуулж, бас л ингэж ярьж байсан. Нам болгоноос хүн оруулна, бодлого боловсруулна юу юу ч билээ, сайхан сайхан юмаа ярьж байсныг санаж байна. Тэгж явсаар түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон. Гэтэл яасан билээ дээ. Ерөнхий сайд байхдаа хошин шогийн жүжигчин шиг аягладаг байсан. Ажил яриад байгаа юм уу, арзаганаад байгаа ч юм уу аль аль нь мэдэгддэггүй. Сошиалынхны ганц шоолдог сэдэв нь л байлаа шүү дээ. Бүр Задгай цагаан нэртэй ч байв уу. Харин Ерөнхий сайдаасаа буучихаад өдөр шөнөгүй яриад байдаг болчихсон шударга бусын хонгилоо нураахгүй юугаа хийж байсан юм бол.

Намбарын Энхбаяр гээд нэг хүн байна. Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн гурван том албыг ээлжлэн хашсан хүн. Одоо нам байгуулчихаад ард түмнийхээ сайн сайхны төлөө гээд гудамжинд хашгираад явж байна. Төрийн бүх өндөрлөгт ажиллаж байхдаа одоо яриад байгаа энэ бүхнээ хийхгүй үхсэнээ хийж суусан юм бол. Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудалд тасралтгүй найман жил суусан Цахиагийн Элбэгдорж мөн л өдгөө ардчилал, шударга ёс тогтоох, ард түмнээ бодох тухай ярьж эхэллээ. Өмнө нь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан хүн.

Байж болох хамгийн том албан тушаалд хичнээн жил суухдаа ард түмэн, улс орноо бодохгүй юу хийж байсан хүмүүс вэ. Албан тушаалаасаа буучихаараа л улс эх орон минь, ард түмэн минь гээд орилоод унах юм. Та нарыг албан тушаалд сонгосон ард түмэн чинь өнөөдөр элгээрээ мөлхөх нь холгүй байна. Улс орон чинь авлигад идэгдэн, эдийн засаг нь өөдлөхөө байсан. Бүр дампуурдгийн даваан дээр Олон улсын валютын сангийнхан тусалж байна. Та нар болон та нарын бүлэглэлийн цөөн хэдэн хүн л санаа зовох юмгүй сайхан амьдарч байгаа байх. Улаанбаатарын агаар, орчин утгаа алдсан. Утааг арилгахаар зарцуулсан мөнгө ихсэх тусам улам өтгөрөн, улам нэмэгдэж байна. Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхээ байсан. Энэ өвчнөөр тэнгэрт одсон мянга мянган монголчуудын үйлчлүүлэх байсан Хавдрын эмнэлэг барих мөнгийг та нар харамлаад өгөөгүй. Шударга ёс алдагдаж, танил талгүй бол ажил бүтэхээсээ өнгөрсөн ийм л байдал Монголд тогтжээ. Бүр байчихаад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд очих байсан хөнгөлөлттэй зээлийг дээгүүрээ хуваагаад идчихсэн нь илрээд булайгаа дэлгэж байна.

Ийм л Монголыг та нар бий болгожээ. Одоо та нар “ард түмэн” ярьж жүжиг тавьдгаа боль. Та нарын үгэнд хичнээн жил хууртах вэ. Итгэх хүн олдохгүй л болов уу. Харин ч шинэлэг сэтгэлгээтэй дараагийн үедээ зайгаа тавьж өгөх цаг нь болжээ. Дэмий поп зүйл ярихынхаа оронд “Би ийм ажил хийх гээд чадаагүй юм аа. Тэр үед тийм алхам хийгээгүй байсан бол дээр байжээ” гэх мэт зүйл яриад сууж байх нь дараа дараагийн үед хэрэгтэй байж мэднэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.САНДУЙ: Итгэлцэл, эв нэгдэл МАН-д ус агаар мэт хэрэгтэй болжээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

МАН-ын дотоод хагарал, тэмцэл савнаасаа хальж, өдгөө төрийн ажлыг зогсоогоод байна. УИХ-ын даргыг 60 тэрбумын гэх хэргээр буруутган ажлаа өгөхийг шаардаж, нэг сар шахам чуулган хуралдуулсангүй. Үнэхээр 60 тэрбумын хэрэг гэж юу юм, тухайн үед ямар үйл явдал өрнөсөн. Энэ талаар нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй манай сонинд анх удаа ярилцлага өглөө. Түүнийг 60 тэрбумын гэх энэ хэрэгт хамгийн их нэр холбогддог гэдгийг манай уншигчид мэдэж байгаа биз ээ.


60 ТЭРБУМЫН ТАЛААР БИ ҮГЭЭ ХЭЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН, ҮНЭНИЙГ ӨГҮҮЛЬЕ

-Та бид хоёр танай намын хөл толгойгүй хагарал, хэрүүлтэй үеэр ярилцаж байна. МАН өнгөрсөн долоо хоногт Бага хурлаа хийсэн ч асуудал намжсангүй. Мэдээж, 60 тэрбумын асуудлыг ярьсан учраас та тэнд үг хэлсэн байх…

-МАН-ын Бага хурал хаалттай болж, хэт нэг талыг барьсан мэдээллүүд цацагдлаа. 2016 оны сонгуулийн сурталчилгааны үеэр 60 тэрбумын гэх бичлэг анх гарсан тэр үед би нэг удаа мэдээлэл хийсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлаар нэг ч дуугараагүй. МАН-ын Бага хурлаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь 60 тэрбумын тухай байсан. Энэ асуудалд оролцсон хүмүүст ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай ярьсан. Манай намынхан анх удаа ч ингэж байгаа юм биш. Бага хурлаар ярьж л байсан. Намын хяналтын хороо хэд хэдэн удаа хуралдаж, шийдвэр гаргасан гэж би сонссон. Гэхдээ надад албан ёсоор ямар нэгэн шийдвэр ирээгүй. Саяын Бага хурал дээр би үгээ хэлэх цаг нь болсон юм байна гэж очсон. Би хэвлэл, олон нийтэд хандахаасаа илүүтэй нийт гишүүдийн төлөөлөл цугласан Бага хурал дээр үгээ хэлье, юу болоод өнгөрсөн, ямар үйл явдал болсон талаар нам дотроо ярья гэж зорьж очсон.

-Үгээ хэлж чадсан уу. Энэ тухай мэдээлэл нэг их гарсангүй?

-Харамсалтай нь, би Бага хурал дээр үгээ хэлж чадсангүй. Олон гишүүд намайг үгээ хэлэх ёстой гэж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хамгийн их яригдсан асуудал бол “60 тэрбум” байсан учраас надад хангалттай цаг өгч, сонсох байх гэж бодоод үг хэлэхээр нэрээ бичүүлсэн. Гэтэл надад тавхан минутын хугацаа л өгсөн. Бараг л дөнгөж үгээ хэлж эхэлж байтал цаг дуусч 60 тэрбумын талаар ганц ч үг хэлж чадаагүй болохоор Ө.Энхтүвшин даргаас цаг өгөөч гэж хүссэн ч цаг сунгаж өгөөгүй.

-“60 тэрбум”-ын тухай бараг л хамгийн түрүүнд таны илтгэлийг сонсч, түүн дээр үндэслэн асуудлаа яримаар санагдах юм…

-Тийм ээ. 60 тэрбумын гэх зохиомол энэ хэргийн гол буруутныг намайг гээд байгаа биз дээ. Тэгэхээр тухайн үед яг юу болсон гэдгийг өнөөдөр манай намын гишүүд мэдээгүй л байна гэсэн үг. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагууд гурван удаа шалгаж хэрэг биш байна аа гээд хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Одоо харин Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу дөрөв дэх удаагаа ТЕГ-т эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Харин ч өнөөдрийн байдлаар 60 тэрбумын хэрэг нь ямар нэгэн байдлаар албан тушаалын болон хууль бусаар засгийн эрхийг авах гэсэн зүйл тогтоогдоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт прокурорын газраас ийм зүйл тогтоогдоогүй гэж мэдээлэл хийснийг та бүхэн санаж байгаа байх. Тийм болохоор л 60 тэрбумын хэрэг гэж яг юу болсныг тодорхой хүрээнд ярих ёстой гэж бодсон. Бага хурал дээр энэ талаар дэлгэрэнгүй ярихыг хүссэн хэрэг.

-Та яагаад энэ талаар өмнө нь дуугараагүй юм бэ. Эсвэл хуулийнхан дуугарч болохгүй гэсэн юм уу. 60 тэрбумын бичлэг тарсаныг анх яаж мэдсэн бэ?

-“Ам нээвэл уушги нээ” гэдэг гэдэг шиг одоо ярья гэж бодсон учраас энэ асуудлын үнэн зөвийг олон нийтэд анх удаа дэлгэж байна.Тухайлбал, хамгийн анх 2016 оны зургадугаар сарын 18-ны өдөр сошиал орчинд хэн тавьсан нь мэдэгдэхгүйгээр 90 секундын бичлэг байршуулсан. Тухайн үед би нийслэлийн сонгуулийг удирдаж байсан ч өөрийн нэр дэвшсэн Сонгинохайрхан дүүрэгт тойрог дээрээ ажиллаж байсан.Тэр үед намын төв штабаас нарийн бичгийн дарга Т.Гантулга над руу утасдаж “Ийм бичлэг гарлаа. Чиний дуу хоолой мөн байна. Яаралтай намын байран дээр ирнэ үү” гэсэн. Би тэр дороо л дүүрэг дээрээс давхиад ирсэн.

60 ТЭРБУМ БОЛ ДОРЖЗОДОВЫН БОЛОВСРУУЛЖ САНАЛ БОЛГОСОН ТӨСӨЛ, БИДНИЙ ХООРОНДЫН ЯРИА ТӨДИЙ Л ЗҮЙЛ

-Тэр бичлэгийг сонсоод юу гэж бодсон бэ?

-Маш их гайхсан. Хэзээ, хаана ийм зүйл ярьсанаа санахгүй байсан. Тухайн үед сонгуулийн бэлтгэл ажил хангаж байх үеийнх ч юм шиг, ер нь энд тэндхийн олон үйл явдал юм шиг санагдаж байсан. Өөрөөр хэлбэл, Доржзодов надтай 3-4 удаа уулзсан үеийнхээ яриаг эвлүүлээд бичлэг болгосон байсан. А.Ганбаатарын яриа нэг орж ирээд л, сүүлдээ М.Энхболд даргын яриа ч орж ирж байх шиг.Тэр бичлэгт байгаа зүйлийг хэзээ, хаана ярилаа гэдгээ бодож байсан. Нийслэлийн намын дарга, сонгууль удирдаж байгаа хүний хувьд маш том цохилт шүү дээ.Хүн тэмдэглэл л хөтөлдөггүй юм бол тэдэн сарын тэдэнд би тийм юм ярьсан гэдгээ тэр бүр санахгүй шүү дээ.

-Та энэ бичлэг тарахад хамгийн түрүүнд хэнийг хардсан бэ?

-Хамгийн гол нь хэзээний яриа вэ гэдгээ би санахгүй байсан. Сүүлд л бодоод байх нь ээ, 2014 онд хийсэн бичлэг байна гэж таасан. Бичлэг сонсоод Ганбаатар руу залгаад “энэ хаана хийсэн, юун бичлэг вэ” гэж асуухад Ганбаатар ч мэдэхгүй байсан. Хүн хамгийн ойрхон хүнээ л харддаг юм билээ. Юун Доржзодов, тэрийг санаа ч үгүй. Бидний нэг нь л ийм бичлэг хийсэн байна, эсвэл өрсөлдөгч намаас хууль бусаар ийм бичлэг хийжээ гэж л хардаж байсан. Одоо бүх юм тодорхой болсон энэ үед харахад Ганбаатар, Доржзодов бид гурвын яриа мөн, Доржзодов тэр схемийг бид хоёрт танилцуулж ярьж байсан тэр үеийн яриа байгаа юм. Гэхдээ ганцхан нэг өдрийн бичлэг биш, өөр өөр газар хийсэн бичлэгүүд. Яг тухайн үеийн протокол надад байхгүй болохоор нэг дор тийм олон юм ярьж байснаа санахгүй байна. Миний дуу хоолой мөн нь мөн.

-За 60 тэрбумаа бүр эхнээс нь ярья. Та 2014 оны бичлэг гэлээ. Тэр үед Доржзодов тантай ирж уулзсан юм уу, юу болсон юм?

-Одоо ингээд харахад Г.Доржзодовыг зорилготойгоор над дээр иржээ гэж боддог. Тухайн үед А.Ганбаатар компанидаа стратеги төлөвлөлт хариуцсан захирал авна гэж зар өгсөн байдаг. Зарын дагуу Доржзодов ирсэн гэдэг. Манай компанийн стратеги төлөвлөлт хийдэг ийм мундаг залуу байна гэж танилцуулж байсан. Стратеги судалгааны хүрээлэн, олон улсын төвд ажиллаж байсан аймаар мундаг залуу гээд л Ганбаагийн компанид орж, тэд хамтарч ажиллаж эхэлж байсан юм билээ. Ганбаатараар дамжуулж Сандуйтай ойртох ёстой гэсэн зорилго л түүнд байсан байна. Тэгснээрээ улиг болон яригдаж байгаа 60 тэрбумынхаа эхний сууриа тавьжээ гэж би боддог. 2014 онд аль нам ялах нь тодорхой биш байсан. Ерөнхий хандлагаараа МАН ялах боломж арай илүү харагдаж байсан байх. Тиймээс өрсөлдөгч намууд маань бидний алдаан дээр тоглох, ямар нэгэн байдлаар материал цуглуулах ажиллагааг Доржзодовоор дамжуулан явуулсан нь манай намын хэсэг нөхдийн том зэвсэг болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлбэл, намын дарга нь М.Энхболд, нийслэлийн намын дарга нь Ц.Сандуй. М.Энхболдтой хамгийн ойр шадар хүн нь Ц.Сандуй. Сандуйгийн найз нар, ажлын хүрээлэл дотроос Ганбаатарыг онилжээ.

-А.Ганбаатар та хоёр тийм үй зайгүй найзууд юм уу?

-А.Ганбаатар хувь хүнийхээ хувьд маш цагаан, элдэв хар сэргүй. Тэр бичлэгээс та сонсоорой, хамаа намаагүй ярьдаг хүн. Залуудаа манай найз нар шүгэл Ганбаа л гэдэг байсан. Заримдаа солиотой галзуу хүн шиг, согтуу ч хүн шиг ярина. Тэр хүнийг Доржзодов олзолсон учраас 60 тэрбум гэх яриа гарсан гэсэн үг.

-Ганбаатараар дамжиж тантай танилцсан юм уу?

-Тийм. А.Ганбаатар “Доржзодов гээд мундаг залуу манай компанид ажиллаж байгаа. Чи бид хоёрыг найз гэж мэдээд чамтай уулзъя гээд байна. Сонгуулийн талаар түүнд маш их материал байна. Дарханд Д.Хаянхярваа даргын сонгуульд ажиллаж байсан. Путины сонгуульд ажиллаж байсан, АН, ХҮН нам, Лектор төв гээд их олон газар ажиллаж байсан залуу” гээд ярьж байсан. Ямартаа ч Доржзодовын ээлжит булхайнууд нэг нэгээрээ дэлгэгдэж байна. Тухайлбал, тэрбээр Лектор төв, ХҮН намд Болд гэж нэртэй байсан тухайг түүний найз нар нь ил болгочихлоо. Мөн Доржзодов хүүхэд байхдаа Дарханд Монголын хамгийн анхны багтай дээрэм хийж найз нарыгаа шоронд явуулж өөрөө хэргээс мултарч байсан нь баримттайгаар ил болсон. Тухайн үед түүний аав Ганболд нь Дарханы шүүхэд ажилладаг байсан юм билээ. Ийм л криминальний хүн л дээ.

-А.Ганбаатараар дамжуулаад тантай уулзаж, танилцжээ. Дараа нь юу болов?

-Ганбаатарыг ийм залуу байна гээд ярихаар нь би эхлээд тоогоогүй юм аа. Сонгуулийн үеэр маш олон хүн ирж уулздаг байсан. Зүсэн зүйлийн төлөвлөгөө, хийх ажил ярьсан, түүндээ санхүүжилт хүссэн хүмүүс байнга ирнэ. Сонгуульд зориулсан дууны клип, кино зохиол хүртэл санхүүжүүлээч гээд ирдэг байсан. Тийм л хүн юм байна гэж бодсон. Ганбаа надад хоёр гурван удаа хэлэхээр нь “Юу ч гэсэн сонсъё, тэр хүнтэй чинь уулзъя” гэсэн. Амжихгүй явсаар байтал зургаа, долдугаар сард байх аа, ажил тарах үеэр А.Ганбаатар намайг ажил дээр хүрээд ирээч гэж дуудсан. Очиход Ганбаатар хоёр хүнтэй архи уугаад сууж байсан. Одоо бодоход нүүр ам нь улайчихсан нэг хачин үлбийсэн, нүдэнд хүйтэн залуу байсан. Тэгж л анх танилцаж байсан. Тэр үеэс л бичсэн бичлэг байгаа юм.

-Тэр согтуу сууж байхдаа ч уу?

-Доржзодов хоёр гуравхан сар Ганбаатартай хамт ажилласан. Тэр бүх хугацаандаа бичлэг хийсэн байх. Магадгүй, одоо ямар бичлэг гарч ирэхийг би мэдэхгүй. Түүнд хичнээн ч цагийн бичлэг байж магадгүй. Түүнээсээ хүмүүст өгөөш болох бүх яриаг эвлүүлж 60 тэрбумын гэх энэ зохиомол хэргийг бий болгосон.

-Яг тэр 60 тэрбумаа хэр удаан ярьсан юм. Уулзах болгондоо яриад байсан уу?

-Шууд тэрийг ярихгүй шүү дээ. Эхлээд стратеги тактик гэж ярьсан. Би ч өөрийн санал бодлоо хэлж байсан. Доржзодов өөрийгөө Оросын сонгууль болон олон улсын сонгуулийн тактик мэддэг судалсан гэж танилцуулсан. Сөрөг хүчний намын даргын хувьд би ч гэсэн хоёр жилийн дараа болох сонгуульд хэрхэн оролцох талаараа судалж, тактикаа боловсруулж, ажлын хэсэг байгуулж байсан үе.Та бичлэгийг дахиад нэг сонсоорой. Би Доржзодовтой олон уулзаж байгаагүй. Хамгийн их уулзаж ярьж, бичүүлсэн хүн бол Ганбаа. 90 минутын тэр бичлэгийг сонсож байхад анхаасаа их зорилготой байсан нь анзаарагддаг. Ингэж яриад тэр хүнээр ингэж яриулна гэх зэргээр их нарийн төлөвлөж боловсруулсан бичлэг байжээ. Би өөрийн санал, төлөвлөгөөгөө уулзахдаа ярьдаг байсан. Ингэвэл яахав гэх зэргээр санал асууж зөвлөсөн. Гэтэл тэд “Бид нарт бэлэн төлөвлөгөө байнаа” гэсэн. Гэхдээ тэр надтай ямар ч мөнгө төгрөг яриагүй. Ганбаа Доржзодов хоёрын хооронд мөнгө төгрөгний өгөө аваа байсан юм билээ. Ганбаа стрататегийн төлөвлөлт, өөр хоёр гурван бизнес төсөл хийлгэсний төлбөр тооцоо байсан гэдэг. Миний хувьд Доржзодовтой ийм юм хийлгэе, тэдэн төгрөг өгье гэж нэг удаа ч ярьж байгаагүй.

-Зүгээр л сонсоод байсан юм уу?

-Доржзодов өөрөө маш сайн ярьдаг хүн л дээ. Их ч ярьж өөрийн төлөвлөгөөгөө тайлбарласан. Гэтэл тэр бичлэг дээр Доржзодовын өөрийнх нь яриа байдаггүй нь сонин. Хамгийн их ярьсан нь Доржзодов, дараа нь Ганбаа ярина. Бичлэг дээр “Сандуй чи ярь даа” гээд миний нэрийг дуудаад байгаа биз. Одоо бодохнээ тэрбээр зориуд өдөж яриулж бичлэг хийжээ. Дараа нь 90 секундын тэр жижиг яриа гарч ирэхэд мөнгө төгрөгний асуудал босч ирсэн. Би Ганбааг “наадахаа цагдаагаар шалгуул. Ингэж шантааж хийхгүй ээ” гэж хэлж байсан. Сүүлд нь эвлүүлсэн бичлэг цацагдсан.

-Ажлын хөлс мөнгөө дутуу өгсөн гэдэг биз дээ?

-Тэгж харагдуулахаар зохион байгуулсан. Сандуйг шантаажилж, их мөнгө олохоор л бодож байсан юм билээ. Наанаа болохоор цалин мөнгө дутуу өгсөн мэтээр ярьж байгаа юм. Цаад агуулгыг нь харахаар цалингийн хэрүүл бол тэндээ дуусах ёстой. Гэтэл энэ хэрэг улам өргөжин тэлж, бүр сая доллар гэж хүртэл ярьсан. Энэ бол зохион байгуулалттай ажил. Дахин хэлэхэд Доржзодов хэзээ ч хэдэн төгрөг надаас нэхээгүй. Чи тэдэн төгрөг өгвөл би тэгнэ гэж яриагүй. Бичлэг гарснаас хойш би Доржзодов руу ганц нэг удаа мессэж бичсэн. Дахин уулзаагүй, ямар нэгэн байдлаар харилцаагүй. Тэр бичлэг цацагдахаас өмнө над дээр нэг удаа ирсэн.

-Яах гэж…

-Би нэг их итгэхгүй байсан болохоор “та хоёр нууцлалын гэрээ байгуулчих” гээд Ганбаатар Доржзодовыг над руу явуулсан байдаг. Одоо гэрээ, гэрээ биш болжээ. Түүнийг гэрээгээ зөрчсөн гээд явбал нэг асуудал болох л байх.

Ганбаа, Доржзодов хоёр төлөвлөгөө боловсруулаад намаас хэдэн төгрөг авъя гэсэн бодол аль алинд нь байсан юм болов уу даа. 60 тэрбум бол Доржзодовын боловсруулж бидэнд санал болгосон төсөл, бидний хоорондын яриа төдий л зүйл шүү дээ.

-60 тэрбум бол яриа төдий зүйл, би сонссон л юм гэж та хэллээ. Тэгвэл яагаад буруутай юм шиг ажлаа өгөөд л, таг чиг суугаад байсан юм?

-МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан. Нийслэлд Налайх, Багахангай хоёроос бусад бүх дүүрэгт ялагдсан. Тийм болохоор улс төрийн хариуцлага хүлээж би хотын намын даргын ажлаа өгсөн. Тухайн үед манай намынхан ялагдлын буруутанг хайсан. Гарын үсэг цуглуулж эхэлж байх тэр үед одоогийн хагарлын эхлэл нь тавигдаж байсан юм. Энэ бүхнийг анзаарч намынхаа эв нэгдлийн төлөө би ажлаа өгсөн. Би өөрийгөө бодсон бол одоо хүртэл албан тушаал дээрээ байж л байх байсан. Яг өнөөдрийн УИХ-ын дарга шиг тухайн үед нийслэлийн ИХ-ын даргыг огцруулах үндэслэл байгаагүй. Өөрөө өргөдлөө өгөх, нас барсан, өвчний улмаас, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр батлагдсан үед л ажлаа өгөх заалттай. Тухайн үед би ажлаа өгч шалгуулаад эргээд ирэх бодолтой байсан. Асуудлыг мухарлах ёстой биз дээ. Гэтэл хуулийн байгууллага шалгаад мухарлах гэхээр улс төрийн захиалгаар дахин дахин сэргээж байгаа нь харамсалтай.

У.Хүрэлсүх, Ц.Сандуй, А.Ганбаатар нар “Шинэ Монгол хаад” компанийн байранд

Г.ДОРЖЗОДОВ 60 ТЭРБУМЫН СХЕМИЙГ ТАНИЛЦУУЛАХДАА БУСАД НАМУУД ЯГ ИНГЭЖ АЖИЛЛАДАГ ГЭЖ БАЙСАН

-60 тэрбумын гэх тэр схемтэй шууд таныг холбож ярьдаг. Яг хэний санаа юм бэ?

-Доржзодовын л бидэнд танилцуулсан төсөл шүү дээ. Тэр зураг, схем, төлөвлөгөөг бүгдийг нь Доржзодов хийж танилцуулсан. А.Ганбаатар надад “Доржзодов бид хоёрын хийсэн төлөвлөгөө” гээд л танилцуулаад байсан. Доржзодов тэр бүх зураг схем, танилцуулгынхаа дор зохиогчийн эрх гээд өөрийнхөө нэр, тамга тэмдэг дарсан байсан. Сүүлд тэр нь алга болсон байна лээ. Тэр зураг, схемээ бидэнд өгдөг ч үгүй, өөрийнх нь компьютер дээр л байсан. Нэг уулзахдаа нэг хэсэг юм танилцуулж байсан. Надаас намын санхүүжилтийн талаар Доржзодов асуухад би “Намын татвар, хандив байдлаар явдаг байх” гэж хэлж байсан. Би анх удаа л сонгуульд нам удирдаж орж байгаа болохоор сонгуулийн зардал мөнгөө яаж олох талаар нарийн сайн мэдэх ч үгүй байсан. Тэгээд намууд яаж санхүүждэгийг судлаарай гэхэд Доржзодов “Өө бэлэн байгаа. Хамгийн сүүлд танд үзүүлнэ ээ” гэсэн. Тэгээд нэг өдөр нөгөөхөө танилцуулъя гээд “60 тэрбумын схем”-ээ танилцуулсан. Бусад намууд яг ингэж хийдэг гэж байсан. Тэр бичлэг дээр бусад намынх шиг гэж би дандаа ярьсан байдаг юм. Өнөөдөр Доржзодов надад танилцуулж байсан тэр бичлэгээ цацаж, надад бурууг тохох гэж оролдож байгаа боловч бусад намууд тэр байтугай л төлөвлөгөө, схем ярьдаг гэдэг. Би Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын тэр схемыг сонирхож, асууж, харилцан ярилцсан нь тэр бичлэг дээр байгаа.

-Та тэр схемээр 60 тэрбум төгрөг босгож болох юм гэж бодож байсан уу?

-Ер нь А.Ганбаатар л 60 гэдэг тоо хэлсэнээс ийм нэр томьёо гарсан. Түүнээс энэ тоо сонин биш. Доржзодовын бидэнд танилцуулсан 60 тэрбумын схемийг би яагаад тэгж сонирхсон юм гэхээр намын бүртгэлжүүлэлт, санхүүгийн ил тод байдал нь анхаарал татсан. Тэрнээс биш албан тушаалыг лангуун дээр байдаг бараа мэт ширхэгчлэн зараад байна гэж хаана ч байхгүй. Би тэнд Доржзодов гэдэг хүний танилцуулсан схемийг сонссон, харилцсан, ярьсан. Гэхдээ үүнийг хэрэгжүүлээгүй. Бичлэг дээр Сандуй гэж баян баагийгаас их мөнгө салгая гэж яриад байгаа биз дээ. Би өөрийгөө тэгж ярих уу. Тэр хоёр зохиочихоод намайг ав гэж тулгаад байгаа нь харагдаж байгаа биз дээ.

-Та тэр төлөвлөгөөг нь аваагүй юм уу?

-Дараа нь тэр бүгдийгээ нийлүүлээд нэг юм бичээд өгснийг нь авсан. Үзсэн. Доржзодов үүнийгээ ярьдаггүй. Хамгийн их ярьж байсан хүн яагаад бичлэг дээр огт дуу нь гардаггүй юм. Яагаад “би энэ 60 тэрбумын схемийг хийсэн” гэж өөрөө ярьдаггүй юм. Тэнд “Энхболд даргаа” гэж хэн ч ярьдаггүй. Гэтэл яагаад М.Энхболд даргын дуу нь тэнд ороод ирсэн байдаг юм, бүү мэд. Тэр бичлэгт миний дуу хоолой байгаа, М.Энхболд даргын дуу ч байдаг. Угтаа бол М.Энхболд даргын хурал хуй дээр ярьсан яриаг нь эвлүүлж нийлүүлээд бичлэгт оруулсан гэсэн үг. Доржзодов өнөөдөр энэ тэнд уулзсан уулзалтынхаа яриаг эвлүүлээд 60 тэрбумын 90 минутын бүхэл бүтэн бичлэг гээд гаргаад тавьчихсан. Ийм л юмнууд байна. Үүнийг анх цагдаа, прокурор, Авилгатай тэмцэх газар, тагнуул бүгд шалгаад хэрэгсэхгүй болгосон тухайг дээр дурдсан.

-Та хамгийн анх 60 тэрбумын бичлэгийн талаар мэдээлэл хийсэн. Тэгж яаран гарч ирэх хэрэг байсан уу?

-Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, сонгууль удирдаж байсан С.Баяр дарга хоёр намайг гарч мэдэгдэл хий гэсэн. Тэгээд л гараад мэдэгдэл хийсэн. “Ийм юм ярьж л байсан” гэж хэлсэн. Ингэж дэвэргэж, өнөөдрийн хэмжээнд хүрнэ гэж ёстой бодоогүй. Тэгж мэдэгдэл хийхдээ би М.Энхболд дарга бид хоёр ярьсан гэж хэлээгүй. Би ярьж байсан л гэдгээ хэлсэн. Ярьсан гэдэг нь Доржзодов 3-4 удаагийн уулзалтын яриагаа эвлүүлсэн гэдгийг л хэлээд байгаа юм.

-Тэгвэл Доржзодовыг 60 тэрбумын схемээ танилцуулж байсан уулзалтуудад М.Энхболд дарга огт ирээгүй гэсэн үг юм уу. Танай намын дарга У.Хүрэлсүх М.Энхболдыг 60 тэрбумын уулзалтад байсан гэж буруутгаад байгаа. Та болохоор байгаагүй гээд байх юм?

-М.Энхболд дарга уулзалтад нэг ч удаа ирж байгаагүй гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлье.Тэр бичлэгт дуу хоолой нь байгаа болохоор хүмүүс М.Энхболд даргыг хамт байсан юм байна гэж ойлгоод байж магадгүй. Үнэндээ тухайн үед үнэн зөвийг нь ялгаж салгаж яриагүй бидний алдаа болжээ. Яг үнэндээ М.Энхболд дарга тухайн үед хэн нь ч мэдэгдэхгүй Доржзодовтой уулзах цаг зав ч байгаагүй. Энэ бичлэг гарснаас хойш намайг есөн шидээр нь муулж, гүтгэж байхад би дуугүй л байсан. Албан тушаалтай байхдаа би нэг ч сэтгүүлчийг, нэг ч хүнийг шүүхэд өгч байгаагүй. Харин ажлаа өгөөд иргэний нэр төрөө сэргээлгэхээр нэг хэргийг шүүхэд өгсөн. Жирийн иргэний хувиар гэх үү дээ.

-Таны бие төлөөлөгч 200 сая төгрөгний газрын хэрэгт нэр нь холбогдсон. Тэр хэргийг хэлээд байна уу?

-Тийм ээ. Ямар ч баримт нотолгоогүй мэдээлэл тараасан нэгэн нэр бүхий сэтгүүлчийг зөрчлийн хуулиар шийтгэсэн. Одоо би дараагийн шатны хуулийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр тэр хэмжээний мөнгө нэхэмжилнэ гэж бодож байгаа.

ТУХАЙН ҮЕД У.ХҮРЭЛСҮХ, Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАР БҮГД Л СОНСООД СУУЖ БАЙСАН

-Намын стратеги төлөвлөгөө болон санхүүжилтийн талаар Доржзодовын тэр төлөвлөгөөг намын удирдлагуудаас тантай хамт сонсож байсан хүн бий юу?

-Энэ яриаг сонссон хүмүүс байгаа. Би баримт болгож танд зураг үзүүлье. У.Хүрэлсүх дарга тухайн үед Шадар сайд байхдаа Ганбаатарын “Шинэ монгол хаад” компанийн байранд өөрийн биеэр ирж энэ ярианд оролцсон гэдгийг нотлох зураг байгаа юм. Та сайн хард аа. Ар талд нь тэр 60 тэрбумын гээд байгаа алдарт схем харагдаж байгаа биз. Өөрөөр хэлбэл, Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан гэсэн үг.

-Тэгвэл тэд тантай адилхан л сонссон юм биш үү?

-У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар үүнийг яагаад сонсох болсон бэ гэхээр тухайн үед НАМЗХ-гийн залуучуудын дунд хагарал болсон. Та санаж байгаа байх. У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар хоорондоо муудалцаж, хүнд байсан үе. Залуучуудын холбооны энэ хагарал гүнзгийрч, хоёр хуваагдвал нам ч гэсэн хоёр хуваагдах аюултай юм байна гэдгийг би харж байсан. Тиймээс М.Энхболд, У.Хүрэлсүх гээд намын хоёр том лидер муудалцаж болохгүй юм байна гэдгийг бид гурав ярилцаж байсан. Тэгээд У.Хүрэлсүх даргыг манай өрөөнд урихдаа ярианы сэдэв болгоод л Доржзодовын төслийг А.Ганбаатар танилцуулсан. У.Хүрэлсүх дарга тэрийг сонсоод “Мундаг төлөвлөгөө байна. Би олон сонгуульд орж байхдаа ийм цэгцтэй стратеги төлөвлөгөө үзээгүй. Сайн байна. Үүнийгээ чи хэрэгжүүлэх юм уу” гэж асуусан. “Яахав ээ, зөгнөлт юмнууд наана чинь зөндөө бий” гэж би хариулсан. Үнэндээ тэр бол ердөө нэг хүний санаа, ийм байж болох юм гэсэн ажлын хувилбар юм. Тэрийг нь хот дээр ч, нам дээр ч ярьж хэлэлцсэн нэг ч хурал болоогүй. Үүнийг ярьж хэлэлцсэн албан ёсны нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн хүний хооронд ярьсан яриа. Үүнийг бусад бүх нам дээр ч ярьдаг гэдгийг одоо болж байгаа олон үйл явдлууд харууллаа.

-“Алтан дорнод Монгол”-ын захирал Т.Ганболд саяхан ярилцлагад орохдоо “60 тэрбумын схемийг ХҮН намын Доржханд төгс төгөлдөр боловсруулсан” гэсэн утгатай зүйл ярьж байсан?

-Тэгсэн, хамгийн анх Доржханд, Доржзодов хоёр энэ төлөвлөгөөг хийсэн гэж ярьсан. Ярьсан нь, ил гарсан нь Ц.Сандуй байгаа болохоос биш бүх л нам ярьдаг гэдгийг Т.Ганболд хэллээ. Магадгүй, дараагийн сонгуульд ХҮН нам суудал авбал, эсвэл АН гайгүй суудал авбал иймэрхүү бичлэг гарахыг үгүйсгэхгүй. Энэ бол өрсөлдөгчөө намнах увайгүй үйлдэл юм. М.Энхболд даргыг өчнөөн муу муухайгаар гүтгэж байна. Тиймээс л би ярих,ярихдаа хамгийн олон уншигчтай, хамгийн олон хүн үздэг, эрэлт ихтэй “Өдрийн сонин”-г сонгосон нь энэ. Хүмүүс үнэнийг мэдэх хэрэгтэй биз дээ.

-Та тэр үед энэхүү схемээ хэрэгжүүлж хүн ажилд оруулсан уу?

-Нам ялсаны дараа би ямар албан тушаал дээр очсон бэ вэ гэдгийг хүн бүхэн мэднэ. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын дарга гэх албан тушаал нэг ч хүнийг ажилд томилох эрх бүхий албан тушаал биш. 60 тэрбумын схем яагаад ч хэрэгжих боломжгүй. 60 тэрбумаар PR хийгчдээс төрийн албан тушаалыг мөнгөөр худалдаж авсан хэн нэгэн байвал тэр тухайгаа шударгаар ил тод хэлээч. Баримтаа гаргаж ирээд үзүүлээч гэж хэлье.

Уг нь эвлүүлэг хийсэн хүмүүс бидний яриаг бүтнээр нь гаргасан бол өөр яриа сонсох байсан. Өөрөөр хэлбэл, би намын санхүүжилтийг шилэн болгож хяналттай байя гэсэн санааг л ярьж байсан юм шүү дээ. Тиймээс л энэ схем хэрэгжих боломжгүй байсан гэж хэлээд байгаа юм. Яг үнэндээ нам ялсны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, намын генсек Д.Амарбаясгалан болон намын гол гол албан тушаал дээр байгаа хүмүүсийн хүмүүс л дарга, захирал болсон. Тухайлбал, Зүүний хүчний холбооныхон, тэдний ойр тойрныхон Иргэний нисэх, Монголын төмөр зам болон бусад төрийн байгууллагад албан тушаалд түлхүү очсон байгаа. Тэд харин яаж энэ албан тушаалд очсон гэдгээ тайлбарлах хэрэгтэй. 60 тэрбум бол өрсөлдөгчөө дарах гэсэн улс төрийн бохир акц л гэж харж байгаа. Хүмүүс одоо энэ асуудлыг худлаа гэдгийг мэддэг болж дээ.

СОНГУУЛЬД ЯЛСНЫ ДАРАА БИ ХОТЫН ДАРГА БОЛНО Л ГЭЖ БОДОЖ БАЙСАН

-Та хотын намын дарга, ИТХ-ын дарга гээд мандаж явсан хүн. Хэдийнээс хотын намын дарга болсон юм бэ?

-2012 онд нийслэлийн намыг удирдаач гэсэн хүсэлт ирсэн. Би хотын намын дарга болъё гэж болоогүй юм шүү. Намын удирдлагууд, намын гишүүдийн зүгээс гурван ч удаа ийм санал тавихад би татгалзсан.

-Тэр үед та юу хийж байсан бэ?

-Нам сонгуульд ялагдчихсан үе. Би хотын орлогчийн ажлаа өгөөд гадагшаа сургуульд явахаар шийдсэн байсан. Хотод ажиллахад цаг зав гардаггүй, өөрийгөө хөгжүүлэх зав байдаггүй. Тэгээд сургуулиа хөөцөлдөөд явж байхад ийм санал ирсэн. Дөрөв дэх удаагаа тухайн үеийн намын генсек Занданшатар дарга дуудаад “Намын удирдлагууд ярилаа. Хотын ажлыг чи л сайн мэддэг. Намын бага хурлын гишүүн. Аав чинь ч энэ намын төлөө зүтгэж байсан. Чи энэ хүнд үед хотын намыг хариуц. Чадах уу” гэсэн. Дараа нь намын дарга Ө.Энхтүвшин дуудаад “Би олон хүнд хандлаа. Хэн ч хотын намыг авахгүй гэсэн. Чи аваад явж чадах уу” гэсэн. Сэтгэлийн дуудлага гэж хүнд нэг юм байдаг даа. Надад тийм мэдрэмж төрсөн. Аавтайгаа зөвлөсөн. “Хүн болгонд олдоод байдаг боломж биш ээ. Намын дарга нар чинь даалгаж байгаа бол чи зугатаад байх хэрэггүй. Чи өөрөө чадна гэж бодож байвал хий. Намаа ялагдаж байх үед нь зүтгэ. Харин чи 2016 онд ялж чадах уу гэдгээ бодоорой” гэсэн. Тэгээд ажлаа авсан. Дараа нь намын дарга Ө.Энхтүвшин ажлаа өгөхийн өмнөхөн “чамайг хотын намын дарга болгосондоо би баяртай байна. Чиний ажлын зохион байгуулалт, ачаалал даах чадвар зэргийг чинь хараад би буруу хүн тавиагүй юм байна гэж бодлоо” гэж байсан.

-2016 оны сонгуулиар хотод танай нам ялсан. Та сонгууль удирдсан. Яагаад хотын дарга болоогүй юм бэ?

-Улс төрийн намын шийдвэр гарсан юм. Бид намын нөхдийнхөө гаргасан санал, шийдвэрийг хүндэтгэдэг. Сонгуульд ялсны дараа би хотын дарга болно л гэж бодож байсан. Гэтэл удирдах зөвлөлийн шийдвэр гарч намайг иргэдийн хурлын дарга бол гэсэн. Магадгүй, зөв шийдвэр байсан байх. Би хотын дарга болсон бол маш олон хүнийг ажилд томилох болно. Өнөө 60 тэрбумаа хэрэгжүүлж байна гэж бүр их дэвэргэх байсан биз. Би намын шийдвэрийг дагасан. Одоо бол намын шийдвэр гэж тоохоо больж дээ. Намын удирдлагуудын түвшинд С.Батболдыг хотын дарга болгоно гээд аль хэдийнэ ярьсан ч байсан юм уу, би яаж мэдэхэв дээ.

-Одоо хотын дарга бас ажлаа өгчихлөө…

-Тэглээ. Хэрэв бид 2016 онд Монголын ард түмний, нийслэлчүүдийн өгсөн итгэлийг хадгалж үлдье гэж хичээсэн бол ийм юм болохгүй байсан. Хэдхэн хүний албан тушаалын төлөөх тэмцэл, үл ойлголцлоос болоод МАН ийм байдалд орж байна. 2012 онд намайг ажил авахад МАН хоёр хуваагдсан, намын байраар орж ирдэг хүн ч үгүй байсан. Э.Бат-Үүл гарч ирээд хотын намын хоёр ч байрыг хураасан. Усан бассейний дэргэдэх байр, Ленины музейн байрыг хурааж авсан. 2012-2016 онд хотын нам маш их зовлон үзсэн. Байргүй, машингүй, хүнгүй. Би тамгаа бариад л явдаг байсан. Яагаад та нар намайг “Шинэ Монгол хаад” гээд компани дээр очсон юм гэж боддог байж магадгүй. Би байргүй байсан. Ганбаа надад тэнд нэг жижиг өрөө гаргаж өгсөн, машинаа өгсөн. Нам хэцүү байхад тусалсан хүн. Тиймээс ч би түүнийг дэргэдээ зөвлөхөөрөө авсан. Тэр маань алдаа болжээ. Манай хүн санаатай, санаагүйг нь мэдэхгүй байна, ямар ч байсан тагнуул туршуулын гар хөл болсон. Ийм л юм боллоо.

-Тусгаар тогтнолын ордонд байрлаж болоогүй юм уу?

-Намайг байргүй явж байхад аав хэлсэн “Чи төв байрандаа оч. Хотын намын хорооны голомт бол тэр шүү. Тэнд очвол чи ялалт байгуулна” гэж. Очиход бараг бүгдийг нь түрээсэлсэн гээд өрөө олдохгүй байсан. Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Бадамжунай гуай дээр би өдөр шөнөгүй орж, гуйж байж есөн давхрын таван өрөөг авсан. Одоо ч тэндээ байгаа.

НАМАЙГ МУУЛЖ ХАРЛУУЛЖ БАЙГАА ЭНЭ БҮХЭН ЕРДӨӨ АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨХ ӨРСӨЛДӨӨН ЮМ

-Хүнд хэцүү үед таныг нам чинь хамгаалж чадсан уу?

-Хамгаалсангүй шүү дээ. Харин ч дээрээс нь нүдээд балбаж байна. Намайг муулах, буруутгах зорилгоор сөрөг намын эхлүүлсэн ажлыг манай намынхан өлгөж аваад кино болгоод хөгжүүлээд явж байна. Хэр хэмжээнээсээ хэтэрлээ. Би ажилдаа байсан бол намайг л балбах байж. Өмнө нь АН-ын зүгээс над руу дайраад байх үед манай нам намайг хамгаална даа л гэж бодож байсан. Би намаа ялуулахын төлөө л зүтгэж байсан. Намыг хэрхэн босгох, сонгуульд яаж ялуулах вэ гэдэгт л бүх оюун санаагаа зориулсан. Ялагдсан намыг авахад ямар ч мөнгө, санхүү байгаагүй. Юу ч байгаагүй. Өнгөрсөн таван жилд найз нөхдөөсөө гуйна, зээлнэ гээд боломжит бүх хувилбарыг ашигласан. Маш их өр тавьсан, одоо ч зарим өр нь дарагдаагүй байгаа. Яг өнөөдрийн нөхцөлөөс харахад би ажил, албан тушаалаа өгдөггүй байж гэж бодож байна. Хүмүүс юмыг их амархан мартдаг. Намайг маш их балбасан. Хүмүүс жагсаагаад, захиргааны хаалга хүртэл эвдүүлээд, ажлаа өгөхийн хооронд хүнд мөнгө өгч оймс хүртэл шидүүлээд л. Манай найз Д.Амарбаясгалангийн хийж байгаа ажил шүү дээ. Элгийг нь татааж байсан шүү. Би тэр үед нэг ч үг хэлээгүй. Би энэ намыг өнөөдрийн ийм байдалд хүрэхийг мэдсэн бол ажлаа хэрэггүй өгч дээ гэж бодож байна. Би ялсан намын дарга байж яагаад ажлаа өгөх ёстой юм гээд л суусан бол болох л байсан. Үгүй ядаж Иргэдийн хурлын даргатайгаа үлддэг байж гэж бодож байна. Ердөөсөө л энэ бүх юм албан тушаалын төлөөх өрсөлдөөн юм шүү. Албан тушаалыг нь авахын тулд гүтгэнэ, доромжилно, гутаана гээд олон ажлыг намын зарим нөхөд маань хийж явна даа.

-Намын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж зүтгэчихээд дараа нь ингэж балбуулна гэхээр бухимдаж, цөхөрч байв уу?

-Хүний хамгийн үнэт зүйл болох гэр бүл рүү маань хүртэл орсон. Миний хүүхдүүд рүү мессэж бичиж, фэйсбүүкээр нь доромжилно. Би хүүхдүүдийнхээ бүх хаягийг хаасан. Эхнэр маань телевиз үзэхээ больсон. Ээж, аавыгаа ч битгий телевиз үз гэдэг болсон. Дандаа доромжлол. Харин би энэ бүх зүйлээс нэг сайн юм олж харсан. Намайг одоо хүн бүр таньдаг боллоо. Өмнө нь намайг хүмүүс мэддэггүй байсан юм. Энэ сайн тал болно гэж боддог. Хоёрт, би намын санхүүжилтийн талаар байнга ярих болно. Намын санхүүжилт шилэн байх ёстой.

САЙН НАЙЗ НАРЫНХАА БУЯНААР БИ ГУДАМЖИНД Л ЯВЖ БАЙНА

-Хэт олонх болсон 65 суудал танай намд бүр гай болж байна уу даа?

-Олдвол өлдөнө гэдэг. Би намын бага хурал дээр ч хэлсэн. 2016 онд хотод ялагдашгүй гэж байсан Э.Бат-Үүлийг ялна гэж хэн ч бодоогүй. Миний хувьд нэг л зүйлд итгэлтэй байсан. Бид эв нэгдэлтэй байсан. Нийслэлийн нам атгасан гар шиг байж чадсан. Тэр л миний найдвар байсан юм. Энэ хагарал тэмцлийг их том ухаан гаргаж, эвээр л шийднэ. Одоо ялагч гэж байхгүй болсон.

-Та ойр явсан хүний хувьд М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрт эвлэрэх орон зай бий гэж харж байна уу?

-Өмнө нь энэ хоёрыг эвлрүүлэх орон зайг би эрж, санаа бодлоо хэрэгжүүлж байсан. Одоо энэ хоёрыг эвлрүүлэх гэж явж байгаа хүн байгаа юм уу. Хоёр талд гарсан л хүмүүс байна. Зүгээр нэг уулзалт зохион байгуулах биш нандин дурсамжуудыг нь, үнэт зүйлсийг нь хөндөж гаргах хэрэгтэй. Тэд хүн шүү дээ. Би энэ хоёр хүнийг хоёуланг нь хүндэлж явдаг. Ер нь эвлэхгүй бүтэхгүй юм гэж байдаггүй. НАМЗХ-нд хагарал гарч байх үед У.Хүрэлсүх дарга Шадар сайд болсон. Тэр үед энэ хоёр хүн бас л хөндийрч, уулзахгүй байсан. Уулзуулах, ойлголцох зүйлсийг бид л санаачилж хийсэн. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр Америкт сурч байх тэр үед би ажлаар тэнд очиж, тэр хоёр ирж уулзаж байсан. Гол нь намын хоёр лидерийг эвлүүлэхээр ярилцаж явлаа. Яаж намаа сонгуульд ялуулах вэ л гэж бид зорьж байсан. Сүүлд нь У.Хүрэлсүх дарга намайг өрөөндөө дуудаад “Чи МАН-д маш том гавьяа байгууллаа. Чи намайг мэднэ дээ, би бол сэлэм эргүүлээд л ордог хүн шүү дээ. М.Энхболд дарга намайг ингэж болохгүй гээд дарах гээд байна. Чи л биднийг ойлголцуулж эвлүүлж чадсанаараа намдаа том үүрэг гүйцэтгэлээ. Чамд баярлалаа. Чи юмыг эвээр, зөөлнөөр зохицуулах гээд байдаг хүн. Заримдаа энэ намд, хамт олонд ташуур хэрэгтэй байдаг юм. Би чиний гурван алдааг чинь ах нь өршөөнө” гээд надад ташуур бэлэглэж байсан.Би баярлаж, бэлгэшээж л байсан. Тэр үеэ мартаагүй л байх. Л.Оюун-Эрдэнийн надад хэлж байсан гоё үг ч бий. Намайг Нийслэлийн иргэдийн хурлын дарга, хотын намын дарга байхад “Дарга байх үед чинь би чамаас хол байна аа. Хэрэв ядрах юм бол би чиний дэргэд байна. Магадгүй албан тушаалаа өгөөд гудамжинд явж байхад чинь жинхэнэ найз чинь байя” гэж хэлж байв. Одоо сайн найз нарынхаа буянаар би гудамжинд л явж байна.

-Ажлаа өгсний дараа тан руу ярьсан уу?

-Бид өмнө нь их ойрхон байсан. Одоо ч нэг их холдсон юм алга. Ажлаа өгсний дараа нэг ч удаа яриагүй. Эр хүний хувьд хэлсэн ярьсанаа хүн мартахгүй байх ёстой гэж би боддог. Миний дутагдалтай тал ч юм уу, би хүнд за гэж хэлсэн л бол биелүүлэх гэж зүтгэдэг. Би түрүүн хэлсэн дээ, намд мөнгө төгрөггүйн зовлонг үзсэн. Байр сав ч үгүй явж байсан. Энэ намыг нам шиг болгочих юмсан, сонгуульд ялчих юмсан гэж хэтэрхий их хичээж, хэтэрхий их зүтгэж байгаад алдаа гаргажээ. Тэр алдаа бол Доржзодов. Зүгээр нэг хүн санал тавиад надад төлөвлөгөөгөө ярьсан. Тэр яриаг сонссон би буруутан болж байна. Тэгвэл адилхан сонсож байсан хүмүүс яагаад буруутан болдоггүй юм. Сонссон нь буруутдаг юм бол хариуцлагаа хамтдаа хүлээе.

-“Тийм ээ, би тэр яриаг нь сонссон“ гэж энэ гурван хүн өнөөдөр ган гэж дуугарахгүй байна. Найз нөхөд, ойр дотно л явсан хүмүүс биз дээ. Харин ч 60 тэрбумын хэрэг гэж өдөөж дөгөөж байгаа хүмүүс нь л байх юм?

-Үнэхээр ойрхон явсан үе бий. У.Хүрэлсүх даргын надад бэлэглэж байсан олон зүйл бий. 2016 оны шинэ жилээр бид хоёр тайзан дээр гараад дуулж явлаа. Сүүлд Ерөнхий сайд болоход нь би баяр хүргэж мессэж бичсэн. Намын дарга болох үедээ тааралдаад “Ухралт болгон ялагдал биш байдаг юм шүү. Чиний дараагийн ялалтын эхлэл байх. Ахтайгаа ойрхон яваарай” гэж хэлж байсан. Тэрнээс хойш таарч уулзаагүй.

Хүн ажиллах ёстой. Тэр ажлаа шударгаар үнэлүүлэх ёстой гэж боддог. Би намыг ялагдсан хамгийн хэцүү үед нь хотын намын дарга болсон. Маш их ажилласан, хичээсэн, зүтгэсэн. Сонгуульд ялсан. Гэтэл хийгээгүй хэргийнхээ төлөө буруудаж, шийтгүүлж байна. Энэ бол хэлмэгдүүлэлт шүү. Өнөөдөр 60 тэрбум гээд байгаа тэр хэрэг ЖДҮ шиг баримт нотолгоотой юу. Юу ч байхгүй. Тэгж ярьвал ЖДҮ-ийн хэрэг бол төрийн эрхийг авах гэж байгаа хэрэг юм биш үү. Засгийн газрыг огцруулсны төлөө кноп дарсан хүн бүрт 950 сая төгрөг өгнө гэдэг жинхэнэ авлига, жинхэнээсээ төрийн эрхийг зохион байгуулалттайгаар, хууль бусаар авсан гэсэн үг. Өнөөдөр бие биенээ хамгаалж байгаа боловч, цаг нь болохоор шийтгэлээ амсана. Харин 60 тэрбумаар буруутгах гэж байгаа бол М.Энхболд гэдэг хүн рүү битгий дайр. Сонсоо ч үгүй, мэдээ ч үгүй, ямарч хамаагүй хүн. Яллах гээд байгаа бол над руу дайр. Үүнийг ярьсанаараа би Л.Оюун-Эрдэнээс, Д.Амарбаясгалангаас өршөөл гуйгаагүй. Үнэнийг л хэлж байна. Өнөөдөр ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрыг огцрох хэрэгтэй гэсэн УИХ-ын гишүүд болон иргэдтэй би санал нэг байна. Хамгийн харамсалтай нь би хотын сонгуульд туг нь болж явсны хувьд эргээд сонгогчдодоо юу гэж хэлэх юм бэ. Одоо хэрээ хэрээнийхээ харыг гайхаад хэрэггүй. Засаг нь огцорч, ЖДҮ-чин гишүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. 60 тэрбумын тухай ахин дахин яриа гаргаад байгаа нь үнэндээ ЖДҮ-ч гишүүдийг нуух, иргэдийн анхаарлыг түүнээс хөндийрүүлэх оролдлого мөн. Төрд “илжирсэн” зарим нөхөд маань шударга ёсоо умартаад, ЖДҮ-ч гишүүдийг өмгөөлж, хаацайлж, хамгаалж тэдэнтэй дуу, хөлөө нэгтгэсэн нь тун ойлгомжгүй зүйл ээ.

Яг үнэндээ хүмүүс юмыг их амархан мартах юм. Ямар байснаа, юутай байснаа, ямар хугацаанд ямар том албан тушаалд очсоноо хэзээ ч битгий мартаарай гэж хэлмээр байна. Эргээд нэг санаарай. Ямар хувцас өмсдөг байснаа юу өмсдөг болсон, ямар том машин унадаг болсноо хэзээ ч битгий мартаарай. Би мэднэ ээ. Надад хүмүүсийн бүх баримт, намтар бий шүү.

-Та тэр бүгдийг гаргаж тавих уу?

-Яваандаа 60 тэрбумын асуудлаар ном бичнэ гэж бодож байгаа. Энэ хэргийг мухарласны дараа юу болсон талаар бичих юм маш их юм бий. 60 тэрбумын гэх энэ зохиомол хэрэг надад том сургамж өглөө.

У.Хүрэлсүх дарга Ерөнхийлөгчид маш том юмны барьцаанд оржээ гэж харагдаж байна. Нэг хоёр хүний хатгаасаар л өнөөдрийн үйл явдал өрнөж байна. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид яаж зүтгэж байлаа. Харин сонгууль удирдаж байсан хүмүүс нь л нөгөө талд ажиллаж байсан нь сүүлд илэрсэн. Херогийн Баатартай ярьсан яриа нь байна. Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрдөг. Түүнийг нь намын гишүүд, удирдлагууд өнөөдөр яагаад ярихгүй байгаа юм, “Та мундаг, та чадаж байна” гэж У.Хүрэлсүхэд тал засахаас өөр юу хийж байна вэ. Ингэж байгаад өөрөө тэр хонгил руугаа орчих вий дээ. Өнөөдөр намын эсрэг явсан хүмүүс намын толгойд гараад суучихсан байна. Үүнийг би гайхаад л байна. Намын гишүүдээсээ ингэж болдог юм уу гэж асуумаар санагдаад байна. Бас нэхэл шаардсан гурван асуулт манай намд байна хэмээн би боддог. Тухайлбал, хүчээр хуваасан нам нь “олигархжсан”, “мафижсан” нь эцсийн эцэст хэний буруу вэ? Намаа бүхэлд нь харуулахын учир юу вэ? Намдаа ийм аюултай дүгнэлт өгчихөөд ганц хүнтэй тэмцэхийн шалтгаан юусан билээ?

Би сонгуульд ялахын тулд чөтгөртэй ч нийлэхэд бэлэн байсан. Өнөөдөр тэр чөтгөрүүдийнхээ хоол нь боллоо.

ХҮМҮҮСИЙН ЭВИЙН МЭЛМИЙ СОХОРЧ ДЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА

-Та түрүүн намын хагарлыг харж байсан гэж хэллээ. Одоо МАН хоёр хуваагдан талцан муудалцаж, нэг намын дор байх байхгүйдээ тулж байна.

-Нэг үе Н.Энхбаяр дарга шиг муу хүн Монголд байгаагүй. Амтай болгон муулж байсан. Түүнийг л хөөж явуулбал бүх юм сайн болчих юм шиг ярьж байв. Одоо тэр үйл явц М.Энхболд дарга дээр давтагдаж байна. Чадалтай улстөрчийг ингэж шахдаг юм байна. Хүчтэй лидерээс айж, түүнийг унагахын тулд хүний өөрийнгүй нийлж, огт байгаагүй, болоогүй зүйлийг үнэн мэт ял тулгаж байна. 60 тэрбум гээд байгаа бол намайг л яллаж, намайг л шүү.

-Өнөөдрийн энэ хагарал, хэрүүл тэмцлийн эцэст нам хоёр хуваагдах уу. Та юу гэж харж байна вэ?

-Хүмүүсийн эвийн мэлмий сохорч дээ гэж би бодож байна. Би М.Энхболд даргыг ямар хүн бэ, хувь мөн чанар нь ямар вэ гэдгийг сайн мэднэ. Ажлыг яаж хийдэг, ямар чадвар, мэдлэг боловсролтой гэдгийг нь мэднэ. Тэр хүнээс намыг эвдрэлцүүлье, хагалъя гэдэг санаа гарахгүй. Намайг зарим нэг үзэл бодол, санаа нийлэхгүй хүмүүстэй санал зөрөхөд “намын дарга гэдэг бол намын хамт олныг эвлүүлэгч, чиглүүлэгч байх ёстой. Чи буулт хий, чи хойшоо нэг ухар. Тэр нөхдийнхөө үгийг сонс” гэж хэлдэг байсан. Би хотын намын дарга байхдаа нийслэлийн 45 төлөөлөгч, хотоос УИХ-д өрсөлдөх 28 хүнийг сонгох эрхтэй байсан. Манай намд фракц гэж байдаггүй учраас тэрний хүн, энэний хүн гээд бүх хүнийг гомдолгүй байлгах, гол гол чиглүүлэгч хүмүүсийн бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүхийн ч, Д.Сумъяабазарын ч, Д.Амарбаясгалангийн ч хүмүүсийг дэвшүүлсэн. Би өөрийнхөө үгнээс гардаггүй хүмүүсийг дэвшүүлэх боломж байсан ч тэгээгүй.

-Эвлэрлийг намын дарга хийх ёстой гэсэн үг үү?

-Итгэлцэл, эв нэгдэл МАН-д ус агаар мэт хэрэгтэй болжээ. Намын эв нэгдэл олон сонирхлын уулзах цэг нь. Эхлэл цэг нь ч гэж бас хэлж болно. Иймээс, намын дарга эв нэгдлийг хангах ёстой. Ийм эгзэгтэй хүнд байдалд тулчихаад байхад хатуурхаад байлгүй арай л өөр өнцгөөс харах ёстой. Саяын Бага хурлыг би их хүлээж очсон. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргачихна лээ. Нам ийм болно гэж би бодож байгаагүй.

-МАН-ын цаашдын ирээдүйг та яаж харж байна вэ?

-Машид итгэлтэй, их гэрэл гэгээтэйгээр ирээдүйг нь хардаг байсан. Одоо бол тэр итгэл үнэмшил бага л болж. Өнөөдрийн энэ хагарал, тэмцэл түр зуурынх байгаасай гэж би бодож байна. Аливаа маргаан, бэрхшээл бол ичгүүртэй зүйл биш. Харин тэдгээрийн шалтгааныг ойлгоогүй бол энэ нь жинхэнэ сүйрэл юм.Нам алдаагаа ухаарахгүй, засахгүй бол илүү том алдаа гаргадаг. Үзэл санаа, үйл хэрэгтээ үнэнч нэгнээ шийтгэх нь харгислал мөн. Нэг гишүүнээ алдвал мянгыг алдана. МАН маш олон хүнд цаг үеийг туулж гарсан. Одоогийнх нь өмнөхөөсөө илүү хүнд тусч байгаа ч гэсэн үүнийг давж л гарах ёстой. Маш их ухаан, сэтгэлийн хүч, буулт, ойлголцол хэрэгтэй. Айлгал сүрдүүлгийн аргыг таягдан хаямаар байна. Би улам хатуу байх ёстой гээд байхаасаа илүүтэй хууль дүрэмдээ захирагдаад яваасай. М.Энхболд дарга, У.Хүрэлсүх дарга хоёрыг дотроо их л шаналж байгаа байх гэж би хувьдаа боддог юм. Ойрхон байсан тэр хоёрын орон зай улам л холдоод байна. Үүнийг буцааж ойртуулах хэн нэгэн заавал байх ёстой. Хамгийн ойр байсан хоёр найз энэ намыг хувааж байгаад л би гайхаж байна. Гээндээ ч бий, гоондоо ч бий. Намын мянга мянган гишүүд, Монголын ард түмний итгэлийг алдаж байгаагаа бодох л ёстой. Бага хурал дээр суугаад харж байхад найз нөхөд бие биетэйгээ үг дуугарахгүй зөрж байна. Тэдний буруу юу байхав. Нэг хэсэг нь хуучин даргаа дэмжмээр байдаг, нөгөө хэсэг нь шинэ даргаа дагамаар байдаг.Сонгуулийн дараа бид тэр зааланд найз нөхөд бүү хэл танихгүй нэгнээ ч тэвэрч баярлаж байлаа. Одоо таньдагтайгаа ч гар барьж чадахаа больсон байна.

-Таныг нэг хэсэг Н.Энхбаяртай хамтарч шинэ нэгдэл үүсгэх гэж байна гэж шуугьсан. Тийм яриа болсон юм уу?

-Тийм яриа гарсан. Би тэгэхгүй ээ. Харин ч би Н.Энхбаяр, М.Энхболд, У.Хүрэлсүх энэ гурван хүнийг нийлж МАН дахин хүчирхэгжээсэй гэж боддог. Энэ ажлыг би хийхийн төлөө явна. Дэмжих хэрэгтэй. Энэ гурван хүний төлөө хийх ажил биш монголчуудын төлөө, эв нэгдлийн төлөө хийх юм.

-Таныг улс төрд дахин идэвхтэй орж ирлээ гэж ойлгож болох уу. Та яг одоо ямар, ямар сонгуульт ажил хийж байна вэ?

-Улс төр намайг оролдоод байна гэдэг дээ. Тэрэн шиг л юм болоод байна. Осолд орж гэмтсэн учраас хэсэг чимээгүй байсан. Нэг жил эмнэлгээр явсан. Сонгуульт ажил гэвэл Триатлоны холбооны Ерөнхийлөгч, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Олимпийн Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Жакартад болсон наадамд баг ахалж явахад хүмүүс намайг харсан байх. Гар хөл ч эдгэсэн байсан. Олимпийн хорооны гишүүд ээлжилж олон улсын тэмцээнд баг ахалж явдаг. Энэ хуваарь аль хоёр жилийн өмнө гарсан байсан. Тэгтэл намайг хараад муулаад эхэлсэн. Тэгээд юу болсныг ярья гэж бодсон. Дуугүй байхаар өөрөө буруутан мэт харагдаад эхэлсэн. Улс төрөөс хүнийг арчина гэж байдаггүй. Хүч шилжиж болно. Хүссэн хүсээгүй тойргоос сонгосон иргэд маань намайг ирж ажиллаач гэж байна. Би тэнд ажиллаж байгаа. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчийн ажилдаа ч идэвхтэй оролцоно. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд хүмүүсийг нэлээн таньж авлаа. Хүний мөн чанар, үнэн төрх энэ үед илүү мэдэгддэг юм байна. Миний итгэж зүтгэж явсан энэ том нам нүдэн дээр нурж байгаад би харамсаж байгаа.

ГАЗАРТАЙ ХОЛБООТОЙ БҮХИЙ Л МУУ МУУХАЙ ЮМЫГ НАДАД НААХ ГЭЖ ОРОЛДДОГ

-Та нийслэлийн газрын албанд олон жил ажилласан. Тийм болохоор таныг газар зарж баяжсан гэдэг?

-Ц.Сандуй ганцаараа Газрын албаны дарга хийгээгүй. Энхболд ганцаараа хотын дарга байгаагүй. Бид хоёр руу муу муухайг тохдог л доо. Би Энхболд даргыг байхад газрын албаны дарга байгаагүй. Таньдаггүй, мэддэг ч үгүй байсан. Үе үеийн хотын дарга нар бүгд л газар олгодог. Энхболд даргын үед газар эдийн засгийн эргэлтэд орж эхэлж байсан үе болохоор хүмүүс илүү их харддаг байж мэднэ. Газар зарах тухай ойлголт байхгүй. Газрын албаны бусад дарга нар шиг л би ажилласан. Яагаад бусдыг нь ярьдаггүй, намайг ингэж ярьдаг вэ. Энхболд, Сандуй гээд хоёр хүн хоёулаа намын дарга болчихсонд л учир байгаа юм. Нэг нь МАН-ын, нөгөө нь хотын намын дарга байсан болохоор ажлаас нь унагахад л зориулж ийм яриа гаргасан юм. Кампанит ажил өрнөсөн, хамгийн муу муухайгаар хэлсэн. Газрын наймаачин гэсэн. 60 тэрбумтай холбосон. Би дуугүй л байсан. Өнгөрсөн жилүүдэд газартай холбож би маш олон удаа Авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаад шалгуулсан. Үнэхээр би хууль бусаар газар зараад идчихсэн бол өнөөдөр энд ингээд сууж байхгүй шүү дээ. 60 тэрбум төгрөг авчихсан бол бас ингэж яриад сууж байхгүй байсан. Өнөөдөр ямар ч албан тушаалгүй үедээ би одоо хичнээн газарт шалгуулж байна. “Ц.Сандуйд ямар нэгэн ял өг” гэдэг даалгавартай юм гэж дуулдсан.

-Замын цагдаагийн байрны урд талын “Home Plaza” гээд барилга таных уу?

-Үгүй. Огтоос хамаа, холбоо байхгүй. Манай найз Энх-Амгалан гээд хүний өмч. Яагаад надтай энэ барилгыг холбодог гэхээр барилга баригдаж байх үед нэг асуудал үүссэн юм билээ. Би найздаа хуулийн хүрээнд дэмжиж тусалсан. Тэрнээс л үүдэж Ц.Сандуйн барилга болоод явсан шүү дээ. Үүн дээр би ач холбогдол өгдөггүй юм.

-Нэг хэсэг та оффшорчин болчихсон байв уу. Нэр холбогдоод байсан?

-Үүн дээр би өмнө нь няцаалт хийж байсан. Оффшорт ийм данс байхгүй гэсэн албан ёсны бичиг баримт ч бий. Хууль цагдаа, авилгатай тэмцэх газар нь шалгаад байхгүй юм байна гээд тогтоосон асуудал.

-Таны дүү Сэргэлэн гээд арав, хорин компанитай нэг их баян хүн байна уу. Тийм мэдээлэл нэг хэсэг их гарч байсан?

-Оффшорын асуудал худлаа болоод ирэнгүүт дараагийн гүтгэлгээ тарааж эхэлсэн. Манай дүүгийн болон найз нар, аав ээжийн маань бүх байр, хадмынх нь байр байшин,бүр Салхитад байдаг хашаа байшин, Сандэй төв дээр байдаг нэг жижиг лангууг хүртэл оруулаад их олон байртай мэтээр гүтгэсэн. Манай дүү Австралид олон жил ажиллаж амьдарч, бизнес хийж байгаад ирсэн. Монголдоо ирээд олон компани байгуулж, олон салбарт ажиллаж үзсэн хүн. Хүнсний чиглэлээр боов ч хийгээд явж байсан, барилга ч барьж байсан. Нэг хэсэг хүмүүс бартераар бараагаа сольдог байсан, одоо ч хэвээрээ байх. Барааныхаа үнэд ганц хоёр байр аваад буцаагаад зардаг гээд янз бүрийн л юм хийсэн юм билээ. Тэр болгоныг нь хөөж мөшгиж гаргасан. Тэр олон компани гээд байгаа нь 1996 оноос хойш байгуулсан компаниуд. Одоо ихэнх нь үйл ажиллагаа нь зогсож татан буугдсан байдаг юм билээ.

Харин хувь хүний нууцад албан тушаалаа ашиглан ингэж бүдүүлгээр хандсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Үүний дараа Авилгатай тэмцэх газар, тагнуул,цагдаа, татварын байгууллага гээд бүгдээрээ манай дүүг ухаж шалгасан шүү дээ. Хэрэв үнэхээр хууль бус юм хийж байсан бол өнөөдөр ингээд байж байхгүй байсан биз. Намайг буруутгах гэж мөрөөрөө бизнес хийж байсан дүүг маань ингэж гэмт хэрэгтэн мэтээр зарлаж, баахан шалгасан. Манай дүүг баян бацаан гээд байдаг. Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай нэг ангийн хүүхдүүд. Хоёулаа л ганзагын наймаанаас эхэлж байсан. Ялгаатай нь манай дүү энэ хугацаанд нэг ч удаа төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Өнөөдөр Жадамбаагийн Энхбаяр тэрбумтан байгаад манай дүү мөнгөтэй болж болдоггүй юм уу. Утгагүй юм л даа.

-Ингэхэд та хотод төрж өссөн үү. Хаана ямар сургууль төгссөн бэ?

-Би хотод төрж өссөн. Нэгдүгээр сургуульд сурч байгаад сүүлд 31 дүгээр сургууль руу ангиараа шилжсэн. Арван жилээ төгсөөд Ерөнхий сайд П.Жасрай, Д.Бямбасүрэн нарын дүүргэсэн Москвагийн Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр төгссөн, Аав, ээж маань ч хотын хүмүүс. Өвөг дээдэс маань Дорноговь аймгийн Дэлгэрэх сумынх гэж явдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Д.Мурат Монгол төрийн сэнтийг бузарлаж дууслаа

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой хормой хотны асуудал дэгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр нэгэн бүсгүйд дотно харилцаатай болох санал тавьж, элдэв ёс бус зургаа илгээж, дарамталж, бүр гар хүрсэн гэж хохирогч шүүхэд гомдол гаргасан юм. Түүгээр ч зогсохгүй хохирогч бүсгүй энэ тухайгаа хэвлэлд ярьж, түүнд илгээсэн зургуудийг нийтэд дэлгэсэн билээ. Харин хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүхээс Д.Муратад холбогдох дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, цатгаатгасан тухай мэдээлэл цацагдсан. Ямартаа ч хохирогч болох хөдөөний 30 гаруй насны хүүхнийг тэрбээр аргалаад өнгөрөв бололтой. Шүүхээс Д.Мурат гишүүнийг хууль зөрчөөгүй гэж үзсэн нь бүх зүйл дууссан гэсэн үг биш юм. Тэрбээр ийм ёс зүйгүй асуудалд орооцолдож, хэл үг үүсгэснийхээ төлөө ёс суртахууны хариуцлагаас зугатах учиргүй. Төрийн өндөр дээд албыг хаших эрхэм чанарыг уландаа гишгэсэн гишүүн гуай шүүхээр нэрээ цэвэрлүүлээд авлаа гэж маадгар алхаж байж мэднэ. Тэгвэл Монгол төрийн эрхэм дээд сэнтийд ийм ёс зүйтэй хүн суух эрхгүй. Ёс зүйн хариуцлага хүлээж суудлаа тавьж өгөх ёстой. Ардчилсан намынхан ч хаацайлж үлдэлгүй УИХ-аас явуулах ёстой. Ёс зүйн хэм хэмжээг давж, төрийн хар хүний мөн чанар, нэр хүндийг шаварт хутгасан ийм гишүүдийг хаацайлах нь хэтэрхий утгагүй, увайгүй, ичгүүргүй үйлдэл болно. Монгол төрийн жолоог ийм хүмүүс барьдаггүй.

МАН-ын залуу гишүүн Д.Гантулгыг хар. Хэрэв ёс зүй ярих юм бол түүнийг залуу насны алдаа гэж зөөлрүүлж болох. Мэдээж, Д.Гантулга гишүүний асуудалд Ерөнхийлөгчийн сонгууль, элдэв улс төр нөлөөлсөн байх. Гэхдээ л тэр ёс зүйн хариуцлага хүлээж, УИХ-аас яваад өглөө. Д.Гантулга нь ч бай, Д.Мурат нь ч бай ийм хэрэг хийгээгүй байж болно. Гэхдээ ичгүүргүй хэл аманд орсныхоо төлөө ёс зүйн хариуцлага хүлээх ёстой.

Үйл явдлыг харж байхад Д.Мурат гишүүн ёс зүйн хариуцлага хүлээх нь бүү хэл өөрийнх нь булай явдлыг мэдээллээ гэж сэтгүүлчийг шоронд хийхээр хөөцөлдөж явна. “Овоо босгоогүй бол шаазгай хаана суух билээ” гэгчээр өөрсдөө анхнаасаа ёс зүйтэй амьдарсан бол хэн тэднийг илчилж бичих билээ. Бүх зүйл өөрөөс нь эхлэлтэй атал бусдыг буруутгах гэж зүтгэж буй Д.Мурат гишүүнээс ёс зүйтэй байхыг шаардах эрх сэтгүүлчид бий. Үүнийх нь төлөө “миний бузар булайг дэлгэлээ” гэж сэтгүүлчийг шүүхэд өгөх нь гишүүний өөрийнх нь ёс суртахууны хэм хэмжээг илчлээд өгөв.

Д.Мурат гишүүнийг шүүхээс цагаатгажээ гэдэг нь нөгөө талдаа хохирогч эмэгтэй худлаа ярьсан болж таарах нь. Харин өөрийн биеэр яриад, зураг сэлтийг нь үзүүлээд байгаа тэр эмэгтэйн яриаг нийтэд хүргэсэн сэтгүүлчийг шоронд хорих нь хэтэрхий биеэ өмөөрсөн хүний үйлдэл юм.

Бидний жишээ болгон ярьдаг өндөр хөгжилтэй орнуудад ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө огцрох явдал энгийн үзэгдэл болсон байдаг. Өөрөө төдийгүй гэр бүлийнхэн нь авлига хээл хахууль зэрэг хууль бус үйлдэлд орооцолдсон бол ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгдөг нийтлэг жишигтэй. Дэлхийн улстөрчид хэрхэн ёс зүйн хариуцлага хүлээдэг талаар доктор Ц.Мөнхцэцэг “Дэлхийн улс орнуудын парламентад дэг зөрчсөн гишүүнд тооцох хариуцлагыг нарийн тодорхой томьёолсон байдаг. Тухайлбал, Герман, Их Британи, Франц зэрэг ихэнх улсуудад дэг зөрчвөл сануулга өгөх, үг хэлэх эрхийг нь хасах, танхимаас гаргах, ноцтой зөрчилд 5-30 хүртэл хоногоор парламентын чуулганд оролцох эрхийг нь хасах арга хэмжээ авдаг юм. Грект дэгийг ноцтой зөрчсөн гишүүнийг буруутгах тухай тогтоолыг нийслэлийн гурав, тухайн гишүүний сонгогдсон тойргийн хоёр сонинд нийтэлж олон нийтэд танилцуулдаг нь өвөрмөц бөгөөд үр дүнтэй шийтгэл гэж тооцогддог байна. Мөн Испанид дэг зөрчсөн гишүүдэд мөнгөн торгууль ногдуулдаг юм. Харин манайд чуулганы хуралдаанаас хоцорсон, тасалсан, өөр гишүүний өмнөөс санал өгсөн зэрэг дэг зөрчсөн үйлдлүүдэд ямар нэг хариуцлага тооцохгүй байна” хэмээжээ. Гэтэл манай Д.Мурат гишүүн маань УИХ-ын чуулганы дэг байтугай улстөрчийн ёс зүйг уландаа гишгэчихээд, бусдыг буруутгасан шиг хээв нэг алхаж явна. Ц.Мөнхцэцэг судлаачийн онцолсноор “АНУ зэрэг Өрнөдийн олон оронд улстөрчийг улс төрийн тавцнаас холдуулдаг, улс төрийн замналыг нь үгүй хийдэг зүйл бол гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байдаг. Олон улстөрч, сенатын гишүүд энэ асуудлын улмаас огцорч байсан. Ийм ёс зүйн алдаа гаргаж огцорсон бол тухайн улстөрчийн карьер эгнэгт дуусч улс төрийн тавцангаас арчигддаг”.

Дэлхийн улстөрчид ёс зүйгүй үйлдэлд холбогдоод хэрхэн хариуцлага хүлээсэн тухай олон жишээ байдаг. Тухайлбал, Олон улсын валютын сангийн Ерөнхийлөгч Стросс Кан зочид буудлын үйлчлэгч бүсгүйг оролдсон хэмээн Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ алдаж байв. Дэлхийн банкны ерөнхийлөгч дотно харилцаатай эмэгтэйдээ илүү цалин өгсөн хэмээн албан тушаалаасаа огцорч байсан. Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг Америкт өрнөсөн “Би ч бас” хөдөлгөөнд дэлхийн олон улс нэгдэн орсон бөгөөд энэ үеэр хэд хэдэн улстөрч ёс зүйгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээсэн талаар мэдээлж байсан. Соёлт хүн төрөлхтний ёс зүйн хариуцлага ийм тов тодорхой.

“Хууль зөрчихөөсөө ёс суртахуун зөрчих нь илүү гутамшигтай” гэж манай сонин бичиж байсан. Ес зүйгүй үйлдэлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Д.Мурат монгол төрийн ариун сэнтийд суух эрх байхгүй. Монголын төр бол үе үеийн эх орончдын амь насны төлөөсөөр үлдэж хоцорсон ариун дагшин сэнтий. Хэн дуртай нь юу ч хамаагүй хийдэг явуулын газар биш билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ядахдаа, өмнөд монголчууддаа үүд хаалгаа нээлттэй байлгах сан

Японыг хамгийн насжилт өндөртэй улс гэдэг. Жил бүр Японы хүн ам хагас саяар хорогдож байгаа нь цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөхүйц тоо юм. Тиймдээ ч Дэлхийн Эдийн засгийн чуулганы хүрээнд Вьетнамын Ханой хотод зохион байгуулагдсан хуралд оролцохдоо Японы гадаад хэргийн сайд Таро Коно “Япон улс цаашдаа гадаадаас ажиллах хүч ихээр хүлээж авч байж улсынхаа нийгэм, эдийн засгаа аврахаас өөр аргагүй” гэдгийг онцолжээ. Түүний хэлсэн “Бид ийм байдлаар нийгмээ тогтвортой хөгжүүлж чадахгүй. Бид улс орноо нээж байна. Бид хөдөлмөрийн зах зээлээ гадаад улс орнуудад нээнэ. Бидний боловсруулж байгаа шинэ бодлогын дагуу Японы нийгэмд уусан шингэх хүсэлтэй хэн бүхнийг хүлээж авах болно” гэсэн үгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Таро Коно Япон улс өөр үндэс угсаатнуудаар хүн амаа нэмснээр хэрхэн амжилт олж байгааг газрын теннисийн залуу од Наоми Осакагаар жишээ татан ярьжээ. Гайти эцэг, япон эхтэй Осака АНУ-ын Гранд Сламын цомыг хүртсэн анхны япон гаралтай тамирчин гэдгийг онцлоод “Олон угсаатнуудаас хүн амаа бүрдүүлэх хэрэгтэй. Нээлттэй бодлого чухал” гэсэн юм.

Япончууд хэзээнээсээ үндэснийх нь хэл, ёс заншлыг мэддэггүй гадныханд таагүй ханддаг гэдэг. Гэхдээ тэд ирээдүйгээ төсөөлж ийм шийдвэр гаргажээ. Манайд элэгтэй, биднийг хүндэтгэдэг Японы иргэн бол гэж тэд урьж байна. Одоо тус улс зөвхөн нарийн мэргэжлийн ажилчдыг авдаг бол ирэх оноос тодорхой мэргэжлийн ур чадваргүй ажилчдыг хүлээж авахаар дүрэм журмаа боловсруулж эхэлжээ. Ирэх оны дөрөвдүгээр сараас ажил хэрэг болгоно гэж ерөнхий сайд нь мэдээлж.

Үүнээс үүдээд манайд хэт үндсэрхэг үзэл улам л газар аваад байна уу гэж бодогдох болов. Хэт үндсэрхэг үзэлтэй элдэв бүлэглэл, төрийн бус байгууллага олноороо байгуулагдаж байна. Тэд гадныхныг ялангуяа урд хөрш, өмнөд монгол иргэдийг дээрэлхэх, доромжлох байдал хэрээс хэтэрсэн. Үүнийг сошиал орчинд асар идэвхтэйгээр дэвэргэж байна. “Хятадууд монголчуудыг зодлоо”, “Энэ хятадууд арай л хэтэрч байна” гэсэн сүржин гарчигтай мэдээлэл байнга л цацагдаж, дор нь хуйгаараа зүхэж, хараасан сэтгэгдлээр дүүрдэг. Энэ их хийрхлийг эрх баригчид мэдсэн ч мэдээгүй дүр эсгэнэ. Цагдаа, хүчний байгууллагынхан ч нүдээ аниад өнгөрөөдөг.

Гурван сая гаруй хүнтэй Монгол Улс нийтээрээ хэт үндсэрхэг үзлээ дэвэргэн хэдэн талаас нь сэвээд суух нь орчин цагт арай л болохгүй байна. Япон улс “Манайд ирж амьдар” гэж дэлхийд үүдээ нээж байна. Бид Японыг бодвол хүн ам, газар зүйн байрлал зэргээрээ өөр, насжилтын хувьд ч харьцангуй залуу улс. Гэхдээ бид олон болж байж илүү хүчирхэг болно. Олуулаа болох бодлогыг хэзээ ч мартаж, хаяж болохгүй. Ядахдаа өмнөд монголчууддаа үүд хаалгаа нээж, нээлттэй хаалганы бодлого баримаар байна. Хэт үндсэрхэг үзлийг төр засгийн дэмжлэгтэйгээр багасгах, дэвэргэхгүй байх талаас нь хармаар. Өмнөд хилийн цаана Өмнөговьд амьдарч байсан халхууд таслагдан үлдсэн гэдгийг, энүүхэн гучин хэдэн онд эндүү андуу ятгалга, учир нь үл олдох үймээн самуунд төөрсөн монгол айлууд нүүж суурьшсан гэдгийг мартах учиргүй. Долоон тэрбум хүний дунд адилхан монгол хэлээр ярьдаг хэдхэн хүн суудаг гэдгийг ч бодсон бид өмнөд монголчууддаа найрсаг хандах учиртай. Өмнөд монголтой оюутан, багш, эмч солилцоо юу л байна олон тоогоор солилцох хэрэгтэй. Тэр тоогоор бие биенээ ойлгох, харилцан хүндлэх, хүлээн зөвшөөрөх болно.

Дэлхийн хүчирхэг гүрэн Хятад улстай аль ч улс найрсаг харилцаатай байхыг хичээдэг. Бид ч хөрштэйгөө найрсаг харилцаатай байхад буруудах юмгүй. Хятад гэж ярихаар юу юугүй эрхшээлд нь орчих гэж байгаа мэт, буутай, танктай цэргүүд эзлэх гэж байгаа мэт ойлголт, яриагаа одоо цэгцэлье. Хоёр орны иргэдийн хоорондын харилцааг эерэг болгох тухай сүүлийн жилүүдэд яригдаж байгаа нь сайшаалтай юм. Өнгөрсөн жил болсон Монгол Хятадын сэтгүүлчдийн наймдугаар форумын гол сэдэв нь ч иргэд хоорондын харилцааг сайжруулахад чиглэгдэж байв. Үүний үр дүнд телевизүүдээр хятад кино гардаг болж, үзэгчид ч ам сайтай ярих болсон билээ. Хятадууд чинь ийм хүн юм уу, ингэж амьдарч, ийм үзэл бодолтой явдаг юм уу гэх зэргээг өөр хоорондоо ярьдаг болсон. Энэ бол иргэд хоорондын найрсаг харилцааны эхлэл төдий зүйл юм.

Дэлхийн томхон хотуудад “China town” гэж байдаг. Монголд ч хойд, урд хөршийнхөө хятад хороолол, орос хорооллыг байгуулахад болохгүй юмгүй. Хүний тоо, эзлэх хэмжээ зэргийг нь тогтоож, журамлаж өгвөл нэг их гаж зүйл лав биш. Монгол хорооллыг эргүүлээд хоёр хөршдөө байгуулж болно. Ингэж л иргэд хоорондын харилцааг сайжруулж болно. Бие биеэ мэддэг болбол “Энэ арай ч биднийг буудаад алчихгүй” юм байна гэж итгэдэг болно. Монголчууд бидний хэт үндсэрхэг үзэл бүтээн байгуулалтын олон ажлыг нурааж байгааг бид хараад л суугаад байх уу. Төмөр зам, Багануурын цахилгаан станц зэрэг томхон төслүүд “хятадад эзлэгдэх” үндсэрхэг үзлээс болж гацсан. Өөр ч олон төсөл дээр энэ үзэл тээг тушаа болсоор байх вий.

Монголд гадныхан нэг их ирдэггүй. Хүн амьдрах аргагүй тэсгим хүйтэн өвлийг дааж гарахад бэрх болохоор зүглэдэггүй биз. Дулаарахаар цөөн тооны жуулчид ирнэ. Дэлхийн аялал жуулчлалд жинтэй хувь нэмэр оруулж буй хятадууд ч бага багаар ирдэг. Тэд ганц нэгээрээ дээрэлхүүлж, дээрэмдүүлж хаширсан болохоор одоо гурав дөрвөн зуугаараа бүлэг болон ирдэг болжээ. Бид тэднийг хэт үндсэрхэг үзлээсээ болж үзэн ядаж, хатуурхаад байвал яваандаа төр нь иргэдээ хамгаалж цэрэг дагуулж илгээдэг болно. Асуудлыг ингэтэл нь дэвэргэх утгагүй бөгөөд энэ бүхнээс аль болох сэргийлэх төрийн мэргэн бодлого л үгүйлэгдэж байна.

Даяарчлагдан хавтгайрч байгаа дэлхий дээр бид ч гэсэн бусдын адил байх хэрэгтэй байна. Аль нэг хөршдөө эзлэгдэх айдаст ард нийтээрээ авталгүй, найрсаг харилцаа, ухаалаг, тууштай бодлогоор үүд хаалгаа нээмээр байна. Адаглаад л Монгол оронд юм үзэх харах гэж ирсэн аль ч орны жуулчид хэн нэгнээс айж бүлтгэнэлгүй амар тайван алхаг л дээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу?

Ирэх есдүгээр сард ОХУ, БНХАУ-ын хамтарсан томхон хээрийн сургуулилт зохион байгуулахаар болсон тухай мэдээлж байна. “Восток-2018” нэртэй хээрийн сургуулилтад Оросын талаас 300 мянган цэргийн албан хаагч, нэг мянга гаруй байлдааны онгоц, 36 мянган цэргийн зэвсэг техник, танк, байлдааны хуягт машинууд оролцоно гэсэн нүсэр тоо дурайж байна. Сибирьт болох энэхүү хээрийн сургуулилтад Хятадын талаас 3000 гаруй цэргийн албан хаагч, 900 гаруй цэргийн техник, 30 гаруй онгоцоо илгээх юм байна. Ийм хэмжээний том сургуулилт өмнө нь болж байгаагүй бөгөөд 1981 онд ЗХУ болон Варшавын гэрээний улсууд хамтран 150 мянган цэргийн албан хаагч оролцсон сургуулилт хийж байжээ. Энэ удаагийн арга хэмжээнд Монгол Улс оролцоно гэсэн албан бус мэдээлэл байна.

“Восток-2018” хээрийн сургуулилтын гол зорилго нь тун тодорхой. Зохион байгуулагч хоёр улс болох ОХУ, Хятадын зүгээс Америк болон НАТО, барууны орнуудад цэрэг, зэвсгийн сүр хүчээ харуулах зорилготой. Бид хоёр нэгдэж нийлбэл та нарт дийлдэхгүй шүү гэсэн улс төрийн утгатай нь хэнд ч ил харагдаж байна. Хэрэв үнэхээр энэ сургуулилтад манай улс оролцвол Америк тэргүүтэй барууны холбоотон орнууд төдийгүй сүүлийн 30 жилийн турш бий болгосон өөрийн үнэт зүйлийнхээ эсрэг хөдлөх гэж буй хэрэг. Сүүлийн 30 жил Япон, Өмнөд Солонгос, Америк, Европын орнуудын тусламж дэмжлэгийн хүчинд бид өдий зэрэгт хүрсэн. Хүнд цаг үед тусалсан хамтрагчийнхаа тус дэмийг бид мартах учиргүй. Мөн сүүлийн жилүүдэд монголчуудад үзүүлж буй Япон, Өмнөд Солонгосын хүмүүнлэгийн тусламжийг анзаарахгүй байх аргагүй юм. Хүмүүнлэгийн тусламж гэдэг нь манайханд олгож байгаа гурван сарын виз. Япон, солонгосууд л мэдэхгүйдээ биднийг гурван сар аялж, зугаалаад ирэг гэж виз олгов гэж. Энэ бол биднийг мөнгөтэй болгох гэсэн хүмүүнлэгийн тусламж билээ. АНУ-ын Мянганы сорилын сангаас хэрэгжүүлдэг хэдэн зуун сая ам.долларын өртөг бүхий төслүүдийг бодит дэмжлэг гэхээс өөр юу гэхэв.

Энэ бүх тусалж дэмждэг улс орнууд болон, өөрийн сонгосон ардчиллын үнэт зүйлийнхээ эсрэг “Восток-2018” хээрийн сургуулилтад оролцох хэрэг байна уу. Яагаад энэ ажиллагаанд оролцох гээд байна вэ гэсэн асуултад олон янзын таамаг байна. Үүнээс хамгийн бодитой таамаг нь нь сүүлийн 20 жил ярьсан хийн хоолойн асуудал. Орос, Хятадыг холбосон хийн хоолой Монголоор дамжина гэсэн горьдлогыг монголчууд 20 жил тээсэн. Манай газар нутгаар хийн хоолойг дайруулж тавьчихмаар ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй байсан асуудал сүүлийн нэг жилд албан бусаар сэргэсэн билээ. Өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндаогийн уулзалтад оролцохдоо хийн хоолойн асуудлыг ярихад Путин анх удаа сонсч байгаа мэт “Сонин юм байна. Наадахыг чинь судалж үзье” гэж байв. Гэтэл энэ нь бидний 20 жилийн турш тасралтгүй ярьсан асуудал. Одоо судалж үзэх гэж 20 жил болно гэхэд эргэлзэх зүйлгүй.

Хэдхэн хоногийн өмнө Хятадын Гадаад хэргийн сайд Монголд айлчлах үеэр Хятадын хоёр компани “Монголоор хийн хоолой дамжуулах боллоо” гэж мэдээлэл гаргасан. Хятадын Гадаад хэргийн сайд нь албан ёсоор хэлээгүй ч “танайхаар хийн хоолой дамжуулахыг Орос зөвшөөрсөн” гэж манайханд албан бусаар хэлсэн байхыг үгүйсгэх газаргүй. Ийм л горьдлогыг Монголд төрүүлээд байна. Гэхдээ хийн хоолойг Монголоор дамжуулж тавилаа гэхэд бидэнд тавих шаардлага нь хэтэрхий өндөр байна. Эдийн засгийн ашгийн хувьд бол маргах зүйл байхгүй. Ном журмаараа, аль аль талдаа ашигтай хувилбарыг санал болгох юм бол Монголоор хийн хоолой дайрах нь олон талын ач холбогдолтой. Харин хоёр улстай үзэл бодол, үнэт зүйлээ ойртуулах, барууны орнуудаас зай барих, ардчиллын үзэл баримтлалаасаа ухрах шаардлага тавьж байгаа бол асар эрсдэлтэй юм. Бид хийн хоолой тавихын тулд Оюу толгойгоос хөрөнгө оруулагчаа хөөх, Эгийн голын цахилгаан станцаа барихаа болих, Оросын нүүрсэнд боломж олгох, нэг хүний засаглал тогтоох, барууны өндөр хөгжилтэй орнуудаас бүрмөсөн харилцаагаа зогсоож таг харанхуй болж магадгүй гэх мэт эрсдэлтэй. Ингэж цатгалан муур шиг явснаас өлөндүү ч гэсэн барууны маягаар амьдарч, ард түмэн нь эрх чөлөөтэй байсан нь дээр гэдгийг олон улс орны жишээ бидэнд баталж байна. Хуучин Оросын бүрэлдэхүүнээс салсан “стан”-уудыг ч бид өнөөдөр харж байна. Нэг хүн нь баяжиж, нийтээрээ ядуу амьдардаг тэр нийгмийг сонгохгүй гэж бид 30 жил хичээлээ шүү дээ.

Хийн хоолойг Монголоор дайруулна гэдэг нь нөгөө талаасаа зүгээр сууж байгаад мөнгө олох, бэлэнчлэх сэтгэлгээний маань л нэг хэлбэр юм. Зүгээр олдож байгаа мөнгө хоол болохоосоо хор болох нь их. Бид жаахан тэсч болдоггүй юм уу. Хойд, урд хоёр хөршийн дэглэм, улс төрийг “нэг их удаан тэсэхгүй” гэж улс төр судлаачид үздэг. XXI зуун гарч, хүн төрөлхтөн, шинжлэх ухаан ингэж хэт хөгжиж байхад нэг нам, нэг хүний эрхшээлд нэг улс үндэстэн баригдаад байхааргүй болно. Дэглэм өөрчлөгдөнө.

Монгол Улсын гадаад бодлого 1989 оноос хойш саяхныг хүртэл маш зөв зарчмаар явж ирсэн гэж судлаачид онцолдог. Хоёр хөрштэйгөө холдох ч биш, ойртох ч биш яг голыг нь олоод ойлголцож чадаад байж. Сүүлийн үеийн мунхаг удирдагч нар “байгаа үедээ өөрийн гэсэн гавьяа байгуулна” гэж хэт хөөрснөөс болж хоёр хөршийнхөө суганд өөрсдөө гүйж орсон. Энэ хоёр аварга хөрштэйгөө хэт ойртож ч болдоггүй, холдож ч болдоггүй зовлон байдаг. Үүнийг монголчууд дээр үеэсээ мэддэг байсан. Хөршүүдийн тэврэлт удах тусмаа өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэх, дэглэмээ тогтоохыг шаарддаг. Түүх ийм. Ийм бодлого буруу гэдгийг бид түүхээрээ туулаад ирсэн улс.

Манай эрх баригчид хийн хоолой гэх хий хоосон зэрэглээнээс болж Америк авгаа гомдоох хэрэг байна уу? Америк болон барууны хамтрагчдаа толгой сэгсрүүлэн байж, үнэт зүйлсийнхээ эсрэг Орос, Хятадын хамтарсан хээрийн сургуулилтад цэргээ оруулах гэж байгаа нь үнэн бол Монголын дэвшилтэт хүчин, тэргүүний сэхээтнүүд, барууны чиг хандлагыг баримтлагчид манай нийтлэлийг дэмжин, дээрх бодлогогүй алхамыг эсэргүүцэн болиулах шаардлагатай байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Таван толгой”-г хөдөлгөвөл Д.Сумъяабазарт баатар цол олгосон ч яадаг юм

УИХ-ын гишүүн, уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Засгийн газрын төлөвлөж байгаагаар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татах юм байна. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян, Таван толгой-Оюу толгой-Ханги чиглэлийн тусгай зориулалтын авто зам, Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг хурдан эхлүүлэх нь зөв гэж үзжээ. Үүнийгээ даруйхан хэрэгжүүлэх гэж УИХ-ыг хэлэлцэн батлаад өгнө үү хэмээн төслөө өргөн бариад байгаа нь энэ юм.

Үйл явдлын дарааллыг ажиглавал “Таван толгой” хөдлөх нь тодорхой болж байх шиг байна. Учир Д.Сумъяабазар сайд хэдэн сарын өмнөх ярилцлагадаа “Таван толгойг хөдөлгөхийн тулд Ерөнхийлөгчтэй тохирох хэрэгтэй” гэж дурдаж байв. Тэр тохироо хийгджээ. Мөн бас бус тохироонуудыг ч амжилттай хийсэн бололтой. Яагаад өмнөх Засгийн газрууд “Таван толгой”-н орд газраа хөдөлгөж, эдийн засгаа чадамжтай болгох боломжоо ашиглаж чаддаггүй байв гэхээр тэнд эрх ашиг нь хөндөгдөх бүлэглэлүүдтэйгээ тохиролцохыг хүсдэггүй байж. Зөвхөн нэг талын буюу өөрсдийнхөө эрх ашгийг барьсан төсөл, хөтөлбөр боловсруулаад ороод ирэхээр нөгөө бүлэглэлүүд хөндөслөөд хэвтчих нь тодорхой. Ийм л эрх ашгийн зөрчил олон жил энэ том ордыг хөдөлгөсөнгүй. Харин Д.Сумъяабазар сайд их ухаалаг ажиллажээ. “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эрх ашиг нь хөндөгддөг бүгдтэй нь харилцан тохиролцож чаджээ гэж дүгнэж болохоор байна. Хэн хэндээ ашигтай хувилбарыг тэрбээр чадварлаг тооцож гаргасан бололтой. Түүнээс биш хоёр туйлын оргилд гарчихаад танайх, манайх гээд талцаад байвал ажил урагшлахгүй бахь байдгаараа нэг нь нөгөөгөө муулаад л сууж байсан байх биз. Энэ Засгийн газрын хийсэн тохироонуудыг багцаалж үзэхэд нэг бүлэглэлд нь хувьцаа өгч, нөгөөгөөр нь төмөр зам бариулж, гурав дахиар нь авто зам тавиулахаар болоо байлгүй. Эцсийн үр дүндээ “Таван толгой” эрчимтэй ажиллаад ирэхээр эдийн засгийн эргэлт сайжирна, ажлын байр нэмэгдэнэ, монголчууд мөнгөтэй болно. Ийм л зүйлийг бид олон жил хүлээсэн. Орчин үед дэлхийн том гүрнүүд ч ийм тохироо, эвлэрлийн гэрээ хийж байж л хамтдаа урагшилж байна. Бие биенээ хэвлэлээр муулж, хэзээ ч эвлэрэхгүй мэт аашилж байсан Америк, Хойд Солонгосын удирдагчдын уулзалтыг бид хэдхэн хоногийн өмнө харлаа. Зүгээр ч гүй, “Монголд уулзчихүй юм байх даа, энэ хоёр” гэсэн ихэмсэг бодолтой ажигласан. Тэд бие биенийхээ эрх ашгийг хохироохгүй байж чадсан учраас л уулзалт амжилттай болжээ. Монголчууд бид яг үүн шиг ажиллаж эхэлж байгаагийн нэг сонгодог жишээ “Таван толгой”-г хөдөлгөх дээрх төсөл юм.

Хэрвээ ажил энэ эрчээрээ үргэлжилж, “Таван толгой”-н нүүрсний ордыг цогцоор нь хөдөлгөж чадвал Д.Сумъяабазар болон энэ төсөлд онцгой зүтгэл гаргасан түүний багийнхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг баатар цолоор шагнасан ч яадаг юм. Том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөж, ард түмнээ ядуугийн зовлонгоос салгах гэж байгаа энэ багийг үндэсний баатрын хэмжээнд авч үзэхэд буруудах юмгүй. Өнгөрсөн жилүүдэд бид өмд бандаашны хэрүүл харсаар залхлаа. Түүнээс өмнө нь эдийн засаг сайжрах тухай үлгэр л сонсдог байлаа. Монголчууд дэлхийд байхгүй чанартай нүүрстэй, тэр нүүрсээ зарах тухай хоосон амлалтууд хөвөрнө. Үлгэр энэ Засгийн өнгөн дээр бодит ажил болох магадлал тун өндөр байгаа болохоор хүн бүр чихээ сортойлгон чагнаж байна. Томхон компаниуд “Таван толгой”-той хэрхэн хамтарч ажиллах тухай тооцоолж байхад жирийн иргэд “ядаж л өнөө хэдэн хувьцааны үнэ өсөх байлгүй” хэмээн горьдлого тавьж суугаа.

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр эрдэмтэд цахилгааныг өөр эх үүсвэрээс гаргаж авах түмэн туршилт хийж, эхнээсээ зарим нь амьдралд нэвтэрч эхэлжээ. Гэхдээ ойрын 20 жилдээ нүүрсний эрэлт хэвээрээ байна. Ам бүл нь өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа энэ дэлхийн хүмүүс өвөл нь даарахгүй гэж, зун нь халууцахгүй гэж цахилгааны хэрэглээгээ нэмсээр байна. Үнэ ч боломжийн өсч байгаа. Яг ийм цонх үед бид нүүрсээ зарж, мөнгө босгох хэрэгтэй. Хэрэлдсээр суутал аль хэдийнэ 10 жил өнгөрсөн. Дахин ийм маягаар 10 жил болоход бидний нүүрсийг хэн ч тоож авахаа болих биз.

Засгийн газар “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын Хөрөнгийн биржээр үе шаттай арилжиж шаардлагатай хөрөнгө оруулалт татна гэж төлөвлөжээ. Төрийн мэдэл хэт өндөр буюу 70 хувьтай байгаа үед гаднаас хөрөнгө оруулалт орж ирэх нь эргэлзээтэй юм. Монголын төр засаг тогтворгүй, гадныханд элэггүйгээрээ нэрд гарсан учраас хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зүйн хэрэг. Тиймээс 30 хувийн хувьцаа маань хэр үнэд хүрэх бол. Эрэлттэй байж чадах уу гэдэг дээр Д.Сумъяабазар сайд тооцоогоо сайн хийсэн гэж найдъя, анхаарах биз ээ. Казахстанд төрийн өмчийн компаниудаа хувьчлахдаа зөвхөн 16 хувиа л төр авдаг, мөн хөрөнгө оруулагчдыг 16 хувиас хэтрүүлдэггүй байна. Төрийн давамгайлал бага болохоор хөрөнгө оруулагчдад эрсдэл бага. Ингэж тэд арван жилийн дотор 210 сая гаруй тэрбум ам.долларын хөрөнгө босгож, хүчирхэг эдийн засагтай болсон ард түмэн.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюу толгой, Дубайн гэрээг баталсных нь төлөө үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөхөд буруудах юмгүй. Харамсалтай нь, тэднийг шоронд барьж хийлээ. Үнэн мөнийг нь мэдэхгүй хэрнээ хүмүүс С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг зүхэж байна. Бие нь муудаад эмнэлэгт хүргэхэд хүртэл “шоронгоос гаргах хэрэггүй байсан юм” хэмээн орилолдож байна. Гэхдээ ингэж хашхирч байгаа нь цөөн бүлэг хүний зорилготой үйлдэл юм. Хэрэв Оюу толгой хөдлөөгүй, Дубайн гэрээгээр Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтыг босгож чадаагүй бол манай эдийн засаг бүр л хөөрхийлөлтэй байдалд орох байлаа. Нөгөө талаараа Оюу толгойн төсөл бол Монгол дахь барууны хамгийн том хөрөнгө оруулалт юм. Геополитикийн хувьд хоёр том хөрштэй Монголын Улс гуравдахьч орны хөрөнгө оруулалтыг татаж чадах нь эдийн засагт ашигтай төдийгүй тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлаа давхар бататгаж байгаа хэрэг.

Монголд ажил хийсэн хүнээ элдвээр хэлж, барьж хорьдог таагүй хэвшил тогтчих шиг боллоо. Ажил хийсэн хүн алдаа гаргадаг л биз. Ажил хийгээгүй бол алдаа гарахгүй ч эдийн засгийн хувьд асар хохиролтой. Ялангуяа том төслүүдийн хувьд хэдэн сая тэрбум долларын мөнгө яригдана. Ийм мөнгийг Монголын эдийн засагт татаж оруулж чадсан Ерөнхий сайдуудаа өнөөдөр шоронд хорьж байна. Үүнтэй давхцаад тэдний араас шоронд явчих вий гэж айлгүйгээр У.Хүрэлсүхийн Засгийн газар, Д.Сумъяабазар сайд бас нэгэн том төслийг хөдөлгөхөөр зоригложээ. УИХ даруйхан асуудлыг хэлэлцэн шийдэж өгнө биз. Улс орноо өөд нь татах, эдийн засгаа хүчирхэгжүүлэх, энгийн олноо толгой өндөр амьдруулах үүргээ эд маань мартаагүй л яваа юм байна гэсэн итгэл төрж эхэллээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын парламент хоёр булайгаасаа салах хэрэгтэй байсан юм

Төр засаг ямар байх нь нийгэмд шууд тусгалаа олж байдаг. Төрийн ёс суртахуун нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ болж амьдрал дээр буудаг. Төрийн ордонд сууж, эрх ямба эдэлж байгаа гишүүд, сайд, дарга нарын үйлдэл олны нүдэнд ил болсон энэ үед тэд яаж аашилж аяглана, нийгэмд яг л тийм үйл явдал өрнөнө. Дээгүүрээ бие биедээ салаавч гаргаж хэрэлдээд байвал доороо бас л тэгээд эхэлнэ. Төрийн ордон хавиар хуурах хулхидах явдал газар авбал нийгэмд ийм үйл явдал хавтгайрна. Монголын нийгэмд шударга ёс алга. Ёс зүйгүй хүмүүсээр энэ нийгэм дүүрчээ хэмээн шогширч байгаагийн гол шалтгааныг төрийн түшээд нь ёс зүйгээ уландаа гишгэжээ гэж ойлгож болно.

Учир нь төрийн түшээдийн алив болчимгүй үйдлэл, хууль бус явдлын тухай мэдээлэл нийгэмд тархахад “Энэ ингэж болж байгаа юм чинь би яагаад болохгүй гэж” гэсэн нийтлэг ойлголт олонд түгж байдаг. Яг энэ цагт УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нартай холбоотой эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг нийгмийг хордуулж байна. Тэдний тухай сонссон бүхэн “Эмэгтэйчүүдийг хүчирхийлж болдог. Тэдэнтэй ёс бус хандах нь хэвийн үзэгдэл юм байна” гэсэн аймшигтай ойлголттой боллоо.

Өнгөрсөн долоо хоногт прокурорын хүсэлтийн дагуу УИХ-ын чуулганаар Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцсэн нь олны анхаарлын төвд байлаа. Улсын ерөнхий прокурорын хүсэлтэд Д.Мурат гишүүнийг хүний биед гэмтэл учруулсан, Д.Гантулгыг хүчин хийсэн гэх хэрэгт шалгах шаардлагатай хэмээн тов тодорхой заажээ. Гэтэл мань хоёр гишүүн “Би хэрэг хийгээгүй. Миний нэр төр, алдар хүндэд зохион байгуулалттайгаар халдаж байна. Шалгуулж үнэн мөнөө тогтоолгоно” хэмээн ичих ч үгүй хэлж суух юм. Харин УИХ-ын чуулганы хуралдааны өмнө эмэгтэй гишүүдийн төлөөлөл болж Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, М.Билэгт, Н.Оюундарь, А.Ундраа нар хэвлэлийн хурал хийлээ. Тэд Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, асуудлаа хууль хяналтын байгууллагад нь шийдүүлж, үнэн зөвөө тогтоолгох ёстой гэсэн байр сууриа илэрхийсэн нь хамгийн тод харагдаж байв.

Тэд “Эмэгтэй гишүүдийн зүгээс Монголынхоо нийт эмэгтэйчүүдийн дуу хоолой болж, хууль шүүхийн өмнө тэгш байх ёстой гэдэг зарчмыг баримталж байна. Хууль зөрчсөн, нийгэмд буруу үйлдэл гаргаснаа гишүүний бүрэн эрхийн дор далдлах оролдлогыг парламентын түүхэнд гаргах ёсгүй. Сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь эмэгтэйчүүдийг дарласан, доромжилсон асуудлаар шалгагдах асуудал гарч байхад шалгуулаад ир гэхийн оронд эрхийг нь түдгэлзүүлэхгүй гэсэн дүгнэлт гаргаж байгаа эрэгтэй гишүүдэд харамсаж байна” гэж үгээ хэлцгээв. Энэ парламент 13 эмэгтэй гишүүнтэй боловч тэднээс тав нь эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа тухай, хууль хэнд ч тэгш үйлчлэх ёстойг санууллаа.

Үлдсэн найман эмэгтэй гишүүн эднийгээ дэмжиж санал өгсөн нь эргэлзээтэй. Магадгүй,тохой залгаж суугаа эрчүүд нь “Эсрэг кноп битгий дараарай” гэж царай алдаж гуйгаа байлгүй. Ямартаа ч нууц санал хураалтаар УИХ-ын гишүүд хүчирхийлэгч хоёроо авч үлдлээ. Ялангуяа эрэгтэй гишүүдийн хувьд Д.Гантулга, Д.Мурат хоёрыг бодож авч үлдсэн гэхээсээ илүү өөрсдийгөө бодсон аминч шийдвэр гаргалаа. Хэрэв хүчирхийлэгч хоёр гишүүнийхээ эрхийг түдгэлзүүлээд явуулчихвал маргаашаас нь өөрсдийнх нь эрхийг түдгэлзүүлэх эмэгтэйчүүдийн өргөдөл ар араасаа цуварна гэхээс яс нь хавтайж, дээгүүрээ сэм үгсэн тохирч нам харгалзалгүй дээрх шийдвэрийг гаргажээ. Үүнээс харахад УИХ-ын гишүүд бүгд гэр бүлээс гадуур ямар нэгэн харилцаатай учраас түүнээсээ эмээж байна гэж хардаж ч болохоор байна. Сошиалд бичээд байгаа шиг Хэнтийд болох нөхөн сонгуулиас эмээсэндээ биш юм. Хэрэв 32-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах, нэр хүндийг нь муутгах зорилготой байсан бол Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээр бүр илүү идэвхтэй ажиллах нь ойлгомжтой байв.

Зарим улс төр судлаачид дээрх үйл явдлыг УИХ дахь “мундааш” үзэгдэл хэмээн нэрлээд байна. Холливудад өрнөсөн “MeToo” буюу “Би ч гэсэн” аян Монголд эхэлчих вий хэмээн айснаас гишүүд манай, танайгүй өнөө хоёрыгоо хамгаалж үлдэв. Сануулахад, өнгөрсөн жил Холливудын нэрт продюсер Харви Вайнштейныг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа олон эмэгтэй, тэдний дотор алдарт жүжигчин Анжелина Жоли болон Эшли Жудд нар бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа зоригтойгоор дэлгэж, бэлгийн хүчирхийлэлтэй хатуу тэмцэхийг дэлхий нийтэд уриалах болсон юм. Х.Вайнштейнаар эхэлсэн бэлгийн дарамт, хүчирхийллийн дуулиан АНУ-ын улс төр рүү хальж, тус улсын Конгрессын хэд хэдэн гишүүн огцроод байгаа билээ. Холливудын нөлөө бүхий эмэгтэйчүүдийг “MeToo” буюу “Би ч гэсэн” сошиал аяныг бодит амьдрал дээр ажил хэрэг болгохын тулд эмэгтэйчүүд нэгдэн 13 сая ам.долларыг хандиваар босгож, сан

нотолгоотой, хүчирхийлүүлэгч эмэгтэйчүүд нь гомдол гаргасаар байхад УИХ-ын чуулган хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэж гүрийж байгаа нь нийгэмд энэ төрлийн хэргийг уриалсан, өөгшүүлсэн далд ухуулга хийж байгаагаараа маш хор нөлөөтэй юм. Нөгөөтэйгүүр энэ үйл явдал төрийн эрхэмсэг чанарыг гутааж байна. Ийм шийдвэр гаргасан УИХ-ын гишүүдийг хүн бүхэн шүүмжилж, дургүйцлээ янз бүрээр илэрхийлж байна. Тэднийг үнэлэх ард түмний үнэлэмж навс уналаа. Энгийн логикоор бодоход хүн хүндэлж дээдэлдэг зүйлдээ эрхэмсэг чанар алдагдсаар байгаагийн хамгийн том шалтгаан түшээдийнх нь энэ мэт ёс зүйгүй увайгүй үйлдлүүд юм.

Төрийн эрхэмсэг чанарын тухай ярихаа больё гэхэд эмэгтэйчүүдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа нь хамгийн харамсалтай. УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нар болон тэднийг өмөөрсөн гишүүд эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж, монгол эмэгтэйчүүдийг доромжилж байна. Д.Гантулгын тухайд олон бүсгүйтэй архидаж, нэгэнтэй нь хоносон. Өглөө нь босоод өөр нэг бүсгүйг хүчиндсэн. Д.Муратын хувьд эмэгтэй хүн рүү ёс бус зураг илгээж, зодож гэмтээсэн. Тэгчихээд Төрийн ордонд тусгай эрх ямба эдэлж, шударга ёс тогтооно гэж дүвчигнэж явах. Тэдний үйлдэл нийгэм даяараа эмэгтэй хүнийг дорд үзэх, хоёрдугаарт зэрэглэх, тэднийг яаж ч доромжилж, охид бүсгүйчүүдийг хүчирхийлж болно гэсэн ойлголтыг түгээж байна. Энэ талаар бодож, санаа тавьж буй эмэгтэйчүүдийн байгууллага байна уу. Таван эмэгтэй гишүүнээс өөр дуугарах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нэг ч байгууллага, нэг ч албан тушаалтан байхгүй хэрэг үү. Одоо хүчирхийлүүлсэн хоёр эмэгтэй, тэднийг өмөөрсөн эмэгтэйчүүдийг зүхэж, элдвээр доромжилж байна. Ийм л ёс зүйгүй үйлдлийг төрийн түшээд хийж, түүнийг бусад нь хаацайлан дэвэргээд байхад нийгэм тэднийг даган дуурайна. Нийгмээ эрүүл, ёс зүйтэй байлгах, ард түмнээ аятайхан амьдруулах үүрэг УИХ-ын гишүүдэд бий. Тэгж амлаж л гарч ирсэн хүмүүс. Амласан ярьсандаа эзэн болж, УИХ наад хоёр булайгаасаа эртхэн салах хэрэгтэй байсан юм. Даанч “Энэ хоёрыг түдгэлзүүлчихвэл биднийг ч бас ингэнэ” гэсэн айдас нь УИХ-ын эрэгтэй гишүүдийг Д.Гантулга, Д.Мурат хоёроос ялгаагүй, нэг тэрэгний дугуйнууд гэдгийг харууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошууч генерал Б.Баярмагнай: Дэлхийн халуун цэгүүдэд Монголын хамгийн анхны багийг удирдаж явснаараа бахархдаг

“Энхийн цэргүүд” ТББ-ын хүндэт ерөнхийлөгч, Монголын артиллерийн цэргийн холбооны тэргүүн, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа Монгол улсад генерал цол бий болсон өдөр тохиох гэж байна. Яриагаа эндээс эхлэх үү?

-1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг бий болгон, хэрэглэж эхэлснээс хойш өдгөө 74 дэх жилтэйгээ золгож байна. Анх хоёр хүнд дэслэгч генерал, есөн хүнд хошууч генерал цол олгож, анхны 11 генерал цолтон төрснөөс хойшх 74 жилийн хугацаанд нийтдээ 181 генерал цолтон төрсөн бөгөөд одоо амьд сэрүүн 90-ээд хүн байна. Эдгээрээс 30-аад генерал нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байгаа бол 60 гаруй генерал нь бэлтгэл болон чөлөөнд байна. Өнөөдөр генералуудаас хамгийн өндөр настай нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл гуай 100 насыг шүргэж бол хамгийн залуу нь бригадын генерал Ж.Бямбасүрэн 43 настай байна.

-Генерал хүн гэхээр жирийн иргэдэд цэргийн том цол зүүсэн, бараа сүр ихтэй хүн төсөөлөгддөг. Бодит амьдрал дээр генерал гэж ямар хүн бэ?

-Генерал цол бол албан тушаалын илэрхийлэл гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Учир нь тухайн хүн өөрийн хашиж буй албан тушаалын зэрэглэлд тохирсон цол хэргэмийг хэрэглэх учиртай юм. Генерал бол цэргийн дээд офицерын цол бөгөөд дээд офицерын цолны зэрэглэл, ангиллыг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Тухайн дээд офицерын цолны зэрэглэл, ангиллыг үндэслэн түүнд тохирох албан тушаалд томилогдсон хүнд ерөнхийлөгч тохирох генералын цолыг хүртээдэг журамтай юм. Генералуудын дунд улсын маршал гурав, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 19, хошууч генерал 111, бригадын генерал цолтон 39 төрсөн байдаг. 2006 оноос дэлхийн ихэнх орны жишгийг даган цэргийн дээд офицерын цол буюу генерал цолны ангилалд өөрчлөлт оруулан бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал гэсэн дээд офицерын цолыг хэрэглэх болсон. Генерал хүнийг товчоор тодорхойлбол жирийн байлдагчаас жанжин болох хүртлээ эх орондоо өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдрал нь тэр чигээрээ амьд түүх болсон хүмүүс гэж ойлгож болно.

-Ингэхэд та өөрөө хэрхэн генерал болсон бэ?

-Генерал болохын тулд юуны түрүүнд боловсролын хувьд цэргийн гурван шатны сургууль төгссөн байх шаардлагатай. Дээр нь зэвсэгт хүчинд 20-иос доошгүй жил алба хаасан, генерал цолны зэрэглэлийн албан тушаал хүртэлх бүх шатны албан тушаалыг хашсан туршлагатай байх гээд шаардлагууд бий. Сүүлд насны хувьд 45 хүрсэн байх шаардлага нэмэгдсэн юм. Миний хувьд 1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 2001 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, 2005 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежийг төгсөж цэргийн гурван шатны сургуулийг дүүргэсэн. Цэргийн сургуульд курсын захирагчаас гараагаа эхлэж зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч хүртэл зэвсэгт хүчний анги байгууллага болон ЗХЖШ-т албан тушаалуудад шат дараалан алба хаасан бөгөөд 2006 онд хурандаа цолоо хүртсэн.

Батлан хамгаалахын сайд Лу.Болд дөнгөж томилогдон ирээд өөрийн ажлын аппарат болох Батлан хамгаалах яамыг төвхнүүлэхийн хамт зэвсэгт хүчний удирдлагын түвшинд ажиллах өсөх ирээдүйтэй, энхийг сахиулах ажиллагааг биеэр удирдсан, гадаадад цэргийн дээд боловсрол эзэмшсэн залуучуудыг судлан танилцуулах үүргийг өөрийн зөвлөх Ц.Ганболд, ажлын албаныхаа Б.Мөнхжаргал нарт өгсөн байдаг. Улмаар 30 гаруй хүний судалгаа гарган түүнээс шилж гурван хүний нэрийг үлдээн биечлэн уулзахаар болсоны нэг нь миний бие байв. 2008 оны сүүлээр нэг өдөр БХЯ-наас Батлан хамгаалахын сайд дуудуулсаныг надад дуулгаж ахлах дарга нартаа мэдэгдэн Дарханаас хотод ирж Ц.Ганболд, Б.Мөнхжаргал нартай уулзахад тэрээр дээрх судалгааны талаар хэлж миний үзэл бодол, батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх талаарх бодол гээд баахан зүйл асууж шалгааж байцаасны дараа “Чи ажлаа хийгээд явж бай, хэрэг гарвал дахиад дуудна” гэж хэлсэн юм. Тун удалгүй хотоос дахин дуудагдаж ирээд Батлан хамгаалахын сайд Лу.Болдтой анх удаа уулзахад сайд “бид чамайг сайтар судалж үзсэн. Би чамайг өөрийн эрх мэдлийн хүрээнд миний хуулиар олгосон эрхийн дагуу Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагчаар томилж байна” гэхэд айх, гайхах хоёр зэрэгцэн байж билээ.

Хэдийгээр би 2008 оны аравдугаар сард Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагчаар томилогдсон ч 2009 онд ЗХЖШ шинэ бүтцэд шилжих үед миний албан тушаалын зэрэглэлийг хурандаа болгож бууруулсан юм. 2009 оны гуравдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга А.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга М.Заяабаатар, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн удирдлагын газрын дарга З.Болдбаатар, ЗХЖШ-ын Холбоо, удирдлагын газрын дарга П.Пүрэвбазар нарт бригадын генерал цол хүртээлээ. Энэ үед л би үнэн сэтгэлээсээ генерал болох хүсэл илүү төрж байсан юм. Удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд тулаад ирсэн болохоор би Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед генерал болохгүй юм байна гэдгээ ухаарч байсан. Бас манай Дундговийн хурандаа нарын гашуун дурсамж бодогддог байв.

-Тэр нь ямар дурсамж юм бэ?

-Нэгэн цагт манай Дундговь нутгийн харьяат олон чадварлаг хурандаа нар армид ажил үйлсээрээ манлайлан тодорч ЗХЖШ-ын бүх газрын орлогч нь бүгдээрээ шахуу Дундговь нутгийнхан байсныг цэргийнхэн мэднээ. Тэднээс нэгэн ч генерал болж чадаагүй юм. Нэг удаа боломж гарсан нь 1998 онд Дундговь нутгаас Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ж.Наранцацралт тодорч дундговьчуудын хувьд итгэлийн оч гялалзсан бөгөөд нутгийнхаа есөн хурандаагаас нэгд нь боломж олгохоор шийдэж ЗХЕШ-ын Холбооны цэргийн дарга хурандаа Д.Рэнцэнхандыг өөрийн эрх мэдлийн хүрээнд Улсын Иргэний Хамгаалалтын Ерөнхий Газрын даргаар генерал цолны албан тушаалд томилсон юм. Гэсэн ч улс төрийн шалтгаанаар ерөнхийлөгчийн зарлиг зурагдаагүй юм даа. Удалгүй Ерөнхий сайд Ж.Наранцацралт ажлаа өгснөөр хурандаа Д.Рэнцэнханд мөн ажлаасаа чөлөөлөгдөн ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч даргаар буцаж ирсэн юм.

-Таны хувьд саад бэрхшээл дахин гарсан уу?

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр анх удаа ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч ирлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн эрх мэдлийн хүрээнд ЗХЖШ-ын шинэ даргаар хошууч генерал Ц.Бямбажавыг томилсон бөгөөд энэ үед бас нэгэн өөрчлөлт орсон нь Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын дэд даргыг томилдог болсон юм. Лу.Болд сайд намайг дахин генерал месттэй албан тушаал буюу ЗХЖШ-ын дэд дарга, штабын даргын албан тушаалд томилов. 2009 оны наймдугаар сарын эхээр нэг өдөр хүний нөөцөөс миний анкет, ажил байдлын тодорхойлолтыг нэхлээ. Нэг л итгэж өгөхгүй л байв.Тэгтэл наймдугаар сарын 12-ны орой ажил тарах үед ЗХЖШ-ын дарга дуудаж байна гэхээр нь орвол чи бид хоёрын генерал цолны тушаал гарч байна гэнэ.

Бушуухан Бөртэ цэргийн дүрэмт хувцасны үйлдвэр орж хувцсаа захиал, маргааш 11.00 цагт төрийн ордонд бэлэн байх ёстой гэлээ. Би ч сандарч эхлэв. Бөртэ рүү залгавал тэд аль хэдийнэ команд авсан байлаа. Бөртэ рүү явах замдаа эхнэр рүүгээ залгаж хэлээд дараа нь аав, ээж рүүгээ залгасан боловч холбогддогүй. Аав, ээж хоёр маань малаа Дундговийн Эрдэнэдалай сумаас туугаад Төв аймгийн Сэргэлэн суманд аваад ирчихсэн хөдөө отрын гэртээ байгаа болохоор холбогдох арга байсангүй.Төв аймаг дахь зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч өмнө нь миний штабын даргаар ажиллаж байсан хурандаа С.Дарьзав руу залгасан ашгүй холбогдож байнаа. Би С.Дарьзав хурандаад аав, ээж хоёрыг эрж олоод, дараа нь Төв аймгийн төв дээр байгаа эмээг маань дагуулаад ирэхийг хүслээ.Мань эр намайг генерал болж байгааг мэдээд өөрөө генерал цол хүртсэн юм шиг баярлаж байна гэж жигтэйхэн, даргаа та санаа зоволтгүй гээд утсаа таслав. Өглөө 8.00 цаг гэхэд хувцас биед яв цав таарч хамгийн сүүлд шөнөжин гараар оёсон генералын алтан мөрдөс, угалзтай малгай бэлэн болсноор хүлээн авч баяр талархлаа илэрхийлээд гэртээ яаран ирж цагаа харвал 9.00 цаг болж байна.

Аав, ээж болон С.Дарьзав хурандаатай холбоо байдаггүй. Найз нөхөд, хамт олон, дүү нартаа хэлээд 10.30 гэхэд төрийн ордонд ирж төрийн есөн хөлт цагаан сүлдийн хажуугийн өрөөнд орж хувцасаа бэлтгэж тавиад 11.00 цагт цол гардуулах өрөөнд орж ЗХЖШ-ын дарга, бид хоёр байраа эзэллээ. Эхлээд дэслэгч генерал цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг уншиж хошууч генерал Ц.Бямбажавт дэслэгч генерал цол хүртээлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр, дугаар 83, төрийн ордон, бригадын генерал цол хүртээх тухай гээд миний цолыг уншиж эхэллээ. Сэтгэл хөдлөж байна гэж жигтэйхэн. Нэг л мэдэхэд цолны зарлиг, бригадын генералын мөрдөсөө барьчихсан зогсож байв.Тэндээсээ бид гарч хувцас солих өрөөнд орж генерал хувцасаа өмсөн мөрдөсөө зүүгээд эргэн орж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид генерал цол хүртсэн талаар илтгэлээ. Биднийг суухыг уриад хэвлэл мэдээллийнхний дунд манай салбарын асуудлаар нээлттэй ярилцлаа.Тэгээд гараад иртэл ашгүй миний эмээ, аав, ээж, эхнэр хүүхэд маань хүрээд ирчихсэн хадаг сүүгээ дэлгээд угтав. Хурандаа С.Дарьзав шөнөжин Сэргэлэн сумын нутгаар аав, ээжийг хайж үүрээр олоод хэл дуулган ирсэн нь энэ байжээ. Бас болоогүй, эмээ маань төрийн ордонд яарч яваад бүдэрч унаад босохдоо “Хамгийн том ачынхаа буянаар төрийн ордонд нэг орохдоо бүдэрч уналаа. Дахиад орох юм байлгүй дээ” гэсэн нь хоёрхон жилийн дараа ерөөлөөр болсон доо. Эмээгээ амьд сэрүүнд нь баярлуулж чадсандаа баяртай байдагаа.

Ингэж би Монгол Улсын 147 дахь, Дундговь аймгийнхаа гурав дахь, Ардчилсан Ерөнхийлөгчийн анхны зарлигаар генерал болсон юм. Дундговь нутгаас маань анх 1944 онд Эрдэндалай сумын харъяат, Өөрийгөө хамгаалах Сайн дурын морьт отрядуудын жанжин Чимидийн Мижид эх орны дайны үед зүүн аймгуудад ЗХУ-д хүргэх фронтын бэлгийг бэлтгэх, хүргэх том үүргийг сайн биелүүлснээс гадна морьт отрядуудаа сайн удирдсаны төлөө маршал Хорлоогийн Чойбалсанд үнэлэгдэн хошууч генерал цол хүртсэн юм. Гурвансайхан сумын харъяат Жамцын Содном гуай 1981 онд Засан хүмүүжүүлэх байгууллагыг шинэ шатанд гарган, нөхцөл байдлыг нь сайжруулсаны төлөө маршал Юмжаагийн Цэдэнбалд үнэлэгдэн хошууч генерал цол хүртэж байв. Миний бие энхийг сахиулах ажиллагааны ач буянаар Иракийн эрх чөлөө болон Сьерра Леон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны анхны ээлжийн цэргийн багуудыг удирдсан гавъяагаа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид үнэлүүлэн бригадын генерал цолоо хүртсэн. Намайг энэ цолонд хүрэхэд Батлан хамгаалахын сайд Л.Болд, сайдын зөвлөх Ц.Ганболд, Б.Мөнхжаргал, намайг сонгогдоход миний нэрийг санал болгож байсан журмын анд хурандаа Д.Мөнх-очир (би хожим зөвлөх Ц.Ганболдоос мэдсэн юм) нарт талархаж явдаг. Дэлхийн халуун цэгүүдэд Монголын хамгийн анхны багийг удирдаж явснаараа бахархдаг.

-Та хошууч генерал цолоо хэзээ хүртсэн бэ?

-2006 онд бригадын генерал цол бий болсноор өмнө нь шууд хошууч генерал цолыг олгодог байсан жишгийг халсан юм. Миний бие 2009 онд бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнээс хойш ЗХЖШ-ын дэд даргын албан тушаалд тасралтгүй зургаан жил гаруй хугацаанд ажиллахдаа зэвсэгт хүчнийхээ гадаад, дотоод бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцон нэг ёсондоо батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхээ талаар гүн гүнзгий мэдлэг, ойлголт авч, удирдах албан тушаалын туршлага суусан юм.

2009 онд шинэ Ерөнхийлөгчтэй болсон, 2010 оноос зэвсэгт хүчний удирдлагад шинэ дарга нараар хүч сэлбэж, нилээд олон хүн дээд офицерын албан тушаалд томилогдсон зэрэг нь генерал цолтон нэмэгдэх хандлагыг бий болгосон юм. Улмаар 2011 оны тавдугаар сард жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн энхийг сахиулагчдын өдрийн өмнөхөн буюу тавдугаар сарын 25-ны өдөр миний бие өөрийн албан тушаалын зэрэглэлийн хошууч генерал цолыг хүртсэн юм. Ийнхүү миний бие 2006 оноос хойш бригадын генерал цолтоноос хошууч генерал цол хүртсэн анхны генерал болсон бөгөөд миний дараа бригадын генерал Ц.Сэргэлэн, З.Болдбаатар, Ш.Лхачинжав, Д.Даваа, Р.Сүхбат, Ж.Бадамбазар нар бригадын генералаас хошууч генерал цолыг хүртсэн билээ.

-Генералуудын өдрийг хэдэн оноос тэмдэглэдэг болсон юм бэ?

-1999 онд Монгол улсад генерал цол бий болсны 55 жилийн ойгоор генералуудын өдрийг тэмдэглэснээс хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Анх Их засаг Их сургуулийн захирал Н.Ням-осор, ардын уран зохиолч П.Бадарч, Монголын Саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч хүний гавъяат эмч Должинсүрэн, гүйцэтгэх захирал Лхамсүрэн, саран ээж ардын жүжигчин Долгорсүрэн, Цогзолмаа, гуай нар санаачлан генералуудын өдрийн тэмдэглэжээ. Улмаар “Монгол генерал төв” гэж ТББ бий болж генералуудын өдрийг Монгол Улсын генералууд бүхий үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэдэг болсон.

-Энэ жил ямар байгууллага зохион байгуулах вэ?

-Энэ жил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зохион байгуулна. Эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө залуу халуун нас, ухамсарт амьдралаа бүрэн зориулж, эх орондоо өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэж ирсэн Монгол улсынхаа алтан мөрдөст генералууддаа удахгүй болох генералуудын өдрийн мэндийг дэвшүүлье.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Уньж туньсаар УИХ-ын босго давах нь бололтой

Хичнээн жил яригдсан Таван толгойг хэрхэн хөдөлгөх төслөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барих нь. Гэхдээ тэрбээр жигтэйхэн уньж туньсан байна. “Таван толгойг дорвитойхон хөдөлгөе, эсвэл хөдөлгөхгүй гэвэл ард түмэндээ хэлээрэй” гэсэн утгатай үг чулуудсан байх юм. Юундаа ингэж тунирхана вэ, Ерөнхий сайд аа. Өөрийн тань хийх ёстой хамгийн том, хамгийн чухал ажил бол энэ шүү дээ. Үүнийг хийнэ гэж амлаж л энэ Засгийн тэргүүн болсон биз дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг юм хийсэнгүй, бид том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа аварна гэж танай Засгийн газар гарч ирсэн. Таван толгойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах, нефтийн үйлдвэр барих бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэрийн хуудас нь гэж хэлж болно. Энэ амлалтаа хийсэн шиг хий л дээ. Сая бол их л хүч муутай дуугарлаа. Яадаг юм бол, С.Баярын араас шоронд явчих вий гэж айгаад байна уу. “Хийхдээ л хийнэ. Таван толгой төслөө хөдөлгөнө, энэ миний ажил” гээд зоригтойхон хэлчихэж чадахгүй л харагдах юм.

Өмнөх өдөр нь мэдэгдсэнчлэн Ерөнхий сайд өчигдөр Таван толгойн төслийг цогцоор нь хөгжүүлэх, үр ашгийг нь хэрхэн нэмэгдүүлэх хувилбараа намын бүлгийн хурал дээрээ танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Хаянхярваа “Бүлгийн хурал дээр Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийн тооцоо, судалгааг сонсч хэлэлцлээ.Тухайлбал, тээвэрлэлт, төмөр зам, үйлдвэржилт, борлуулалтын талаарх тооцоо, судалгаа бүхий мэдээллийг сонссон.

Одоогийн байдлаар Таван толгойг 100 хувь гэж үзээд үүнийхээ 30 хувьд олон улсын зах зээл дээр IPO гаргая. Ингээд цаашаа төсөл дээр дагалдаж явах дэд бүтэц, үйлдвэр аж ахуйн газрууд гэх мэт олон зүйлийн тооцоо судалгааг үзэж байж шийдвэрээ гаргая гэсэн шийдэлд хүрээд тарлаа. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэг Таван толгойн төслийг хөдөлгөхөөр улс төрийн шийдэл гаргах чиглэлд хамтарч ажиллах тохиролцоонд хүрсэн. Уг тооцооллыг эцсийн байдлаар шийдээгүй учраас ажлын хэсэг байгуулаагүй. Ер нь бүлэг дээр ажлын хэсэг байгуулахгүй. Засгийн газар төслийг хөгжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх саналуудыг боловсруулаад бүлэг дээр танилцуулах ёстой. Ингээд болж байна гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлэг, Аюулгүй байдлын зөвлөл, УИХ зэрэг шат шатанд нь хэлэлцүүлээд явна” гэж мэдээлэл хийлээ.

Үүнээс харахад У.Хүрэлсүхийн Засгийн газар Таван толгойн төслийг авто болон төмөр замын тээвэр, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэр барих, IPO гаргах гээд цогцоор хөдөлгөхөөр тооцоо судалгаа гаргаснаа танилцуулсан бололтой. Таван толгойн IPO-г гаргахдаа иргэдэд өгсөн 1072 хувьцааг нь тусад нь авч, засгийн мэдэлд буй хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжихаар зэхжээ. Хэрэв ингэж чадвал энэ Засгийн газар ард түмнийхээ өмнө том гавьяа байгуулах нь. Ядуурал, ажилгүйдлийг арилгаж, эдийн засгийг эрүүлжүүлэх эм нь том төслүүдээ хөдөлгөх, үйл ажиллагааг нь дэлхийн жишигт хүргэх юм. Ард түмний итгэл найдвар ч Таван толгой болоод байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газраас өмнө Таван толгойг хөдөлгөх хэд хэдэн хувилбар яригдаж байсан юм. Ж.Эрдэнэбатын Засгийн газар Таван толгойг таван тэрбум ам.доллараар зарах санал оруулж, тэр нь нам дээрээ бөөн хэрүүл дэгдээж байсан гэдэг. Мөн Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч сонстож байлаа.

Засгийн газрын сайд асан, өдгөө элчин сайдаасаа татагдаад байгаа М.Энхсайханы дэвшүүлсэн Таван толгойг хөдөлгөх төсөл гэж бас бий. М.Энхсайханы үед тендер зарлаж, үүнд Монголын “Энержи Ресурс”, Японы “Сумитомо, Хятадын “Шинхуа энержи” компаниудын хамтарсан консерциум ялалт байгуулсан юм. Ингээд хөрөнгө оруулагчидтай гарын үсэг зурдгийн даваан дээр Л.Эрдэнэчимэг тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн үүнийг эсэргүүцэж тогтоолын төсөл өргөн барьснаар дээрх төсөл зогсжээ. Энэ мэтчилэн “Таван толгой”-г хөдөлгөх гэхээр эсэргүүцэн хөндөлсөх саад хориг мундахгүй гарч байв.

Нөөцөөрөө дэлхийд 10-т ордог, маш сайн чанарын коксжих нүүрстэй “Таван толгой”-н ордыг хөдөлгөх цогц төслийг энэ удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх өргөн барилаа. Ирэх өдрүүдэд энэ асуудал үргэлжилж, мэдээлэл илүү тодорхой болох биз ээ. Одоогоор “Эрдэнэс таван толгой”-н хувьцааны 82 хувь нь төрийн мэдэлд байдаг бол 2,4 сая иргэний нэр дээр 14 хувь, 553 аж ахуйн нэгж дээр нэг хувь нь байдаг аж.