Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.ДАШДОНДОВ: Чөлөөт хэвлэл гэдэг бол галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш, үнэнийг ярьж, мэдээлэгч

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовтой ярилцлаа.


-Жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өөрийн оронд өргөн дэлгэр утгаар тэмдэглэх үйл явцын эхлэлийг Та анх тавьсны хувьд уг өдрийн учир зорилгыг тодотгоно уу?

– Юуны өмнө онцолж хэлэхэд энэ удаад огт зарга ярихгүй, онцолж зарчим ярина. Ингэх нь хэнд хэрэгтэй юм бэ гэвэл хэт хожим нь хэвлэл, мэдээллийнхэнд маань хэрэгтэй. Тавдугаар сарын 3. Энэ нь орон бүхний сэтгүүлчдийн хувьд онцгой, манай гаригийн хэвлэл мэдээллийнхэнд маш чухал өдөр. Анх 1991 онд Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиби улсын нийслэл Виндхүк хотноо тус тив бүс нутгийн сэтгүүлчид тун өргөн төлөөлөлтэйгөөр хуран чуулахдаа “Бие даасан хараат бус хийгээд олон ургалч үзлийг дээдлэгч чөлөөт хэвлэл мэдээллийг хэрхэн дэлгэрүүлж хөгжүүлэх талаар” туйлаас нухацтай тогтож ярилцсаны эцэст тусгай тунхаглал гаргасан. Тэрнийг нь хүн төрөлхтний хамгийн өнөр том хамтын нийгэмлэг болох НҮБ дэмжиж тунхаглал гарсан өдөр буюу тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн зарлаж цаашид жил болгон дэлхий даяарт дурсан тэмдэглэж байхаар тогтсон.

Анхандаа “Internation­al press freedom day” гэж байснаа төдөлгүй жаахан өөрчилж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (World press freedom day) гэх болсон нь бодвол учиртай биз. Нэгэнт НҮБ дэмжсэн болохоор орон бүхэн ч онцгой анхаарч асар нүргээ дуулиантайгаар айхавтар нижгэр тэмдэглэдэг болсон. Манайд гэхэд л эхний жилдээ анир чимээгүйдүү байснаа арга буюу дараа жилээс нь нийтийн жишгээр анхаарч ажил хэрэгчээр хандаж тэмдэглэдэг болсоны эхлэлийг тавьсны хувиар би эргэж санахад сайхан л байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний амин сүнс, гол шалгуур, үндсэн үзүүлэлт, тулгуур зарчим болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж хөгжих явцыг нь түргэтгэж түлхэц үзүүлэх нь Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийн дэлгэр утга, тэргүүн буюу приоритет зорилт.

Тухайн өдрийг тохиолдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон хүний эрхийн дээд комиссар, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал гэсэн тийм гурван эрхмийн илгээлт орон бүхэнд очдог байснаа яваандаа өөрчлөгдөж НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ын ерөнхий захирлын илгээлт болж улам ч нарийсан тов тод хувилбарт шилжиснээр барахгүй тэр үеэр Gruillerm Cano-ын нэрэмжит хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэл олгодог болсон. Тэрхүү Cano гэдэг нь ажил үүргээ нэртэй гүйцэтгэж явахдаа амь эрсэдсэн Колумбын ихэд эрэлхэг зоригт сэтгүүлч.

-Ингэхэд хэвлэлийн эрх чөлөө гэдэг маань чухам юу юм бэ?

-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь угаас утга гүн, хүрээ өргөн ухагдахуун. Үүнийг энгийнээр болоод нарийнаар, товчоор хийгээд том дэлгэрэнгүйгээр ямар ч янз хэлбэрээр илэрхийлж болох. Энгийнээр гэвэл энэ нь хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм л даа. Энийг илүү дэлгэрэнгүй томьёолоход хүрвэл хаанахын хэн ч болов өөрийн гэсэн өвөрмөц онцлог ойлголт, хандлага, үзэл бодол, үнэмшил итгэл, таашаал, эрмэлзэл, сонирхол, тэмүүлэлтэй байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс, дуу авиа зэрэг ер нь аль боломжтой арга хэлбэр хэрэгслээр илэрхийлж болох бөгөөд түүнд хил, хязгаар хамаарахгүй. Тэр тухайд хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын мөн 19-д бий. Олон улсын чанартай тэдгээр пакт, баримт бичигт манай улс ч нэгдэж улмаар өөрийн тулгуур суурь гол хууль болох үндсэн хуульдаа ч тусгасныг утгачилан танилцуулбаас: “Манай улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. Хэрэгтэй мэдээллээ эрж хайж олж авах эрхтэй” гэсэн байна.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухайд тийм байх нь. Тэгвэл чөлөөт хэвлэл гэдгийг ямраар төсөөлж бодох вэ?

-Дэлхий дахинаа дээдэлж нэг мөр хүлээн зөвшөөрч хүндэтгэж даган мөрддөг чөлөөт хэвлэлийн харти буюу Charter for a free press гэж байгаа. Тэрхүү баримт бичгийн хамгийн тэргүүн дээд мөрөнд “Чөлөөт хэвлэл гэдэг болбоос чөлөөт хүн ард” л гэсэн үг бий.

Энийг эргэцүүлж сайтар шүүн тунгааваас асар гүн утга тээж, айхавтар жинтэй шим шүлт шингэжээ. Юуны тул чөлөөт хэвлэлийн харти гэж байгаа билээ. Харти бол Харти үүнээс илүү үнэ хүндэт баримт бичгийг чөлөөт хэвлэлийн хүрээнд олныг олж нэрлэхэд бэрх.

-Таныг бид чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг хэмээн хэлж ярьж бичдэг. Тиймийн учир чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний талаар ондоо олон зүйлийг хэлүүлмээр байна…

-Хэл гэвэл хэлье. Тэгэхдээ миний бодлоор хэмээн хэт чээждүү залж амны зоргоор авч давхиж бурахгүй. Одоо чинь аливаад мэдлэгээр хандаж ухаанаар шийдэж философиор сэтгэдэг цаг. Даан ялангуяа чөлөөт хэвлэлийн тухайд хамаа намаагүй хадуурч чалчих бүүр ч эвгүй. Учир нь Монголд чөлөөт хэвлэл хөгжиж байсан уламжлал байхгүй тул бусдаас суралцахаас өөр аргагүй. Хаанаас вэ гэдэгч хариулт нэхэх сэдэв.Өрнөдөөс л сурна уу гэхээс өвөр монгол ч юм уу, буриадаас гээд байх нь хангалтгүй. Өрнөдөөс суралцахдаа гагцхүү хэлээр дамжиж суралцахаас өөр юугаар дамжин суралцах билээ. Дохиж зангаад байлтай биш. Хэл гэхэд бас л сонголт. Алаг хорвоогийн хаан хэл гэгддэг англи хэл хамгаас тэргүүнд. Чухам тиймээс би хойно хийгээд өмнө өгүүлэх зүйлдээ хослуулсан хэл англи. Ингэх нь хэнд хэрэг болох вэ гэвэл өөрт минь биш өөр бусдад, өнөөгийнхөнд төдийгүй өнө хожмынхонд хэрэг болно.

Хэрэв зээ сэтгүүлчид авлига, ядуурал, айдас хүйдсийн дунд байвал тэнд хэвлэлийн эрх чөлөө хэрэгжихгүй.

Халаасны сэтгүүл зүйтэй байсан цагт хараат бус хэвлэлийн тухай ярих нь үл биелэх үлгэр. Хэвлэл мэдээлэл нь санхүүгийн талаар бие дааж хараат бус болоогүй цагт үйл ажиллагааны хувьд бие дааж чадахгүй.

-Өнөө цагийн хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрхийн өөрчлөлт, дэвшил, шинэчлэлтэй холбогдуулж та юу хэлэх бол?

-Уншиж сонсох аудиторийн өөрчлөлт, ашиг сонирхлын тэлэлтийг дагаж хэвлэл мэдээллийн салбарт төрөлжих, ондоошиж олширч, шинэчдэгдэх эгэл бус үйл явц илтэд ажиглагдах боллоо.

Телевиз гэхэд л, зар сурталчилгааны, олон нийтийн, захиалгын, тойм сүлжээ, тодорхой хүрээний, дүрст, зугаат гэхчилэн төрөлжиж байна. Сэтгүүлч, сурвалжлагчид ч гэсэн тодорхой чиглэлээр дагнан, төрөлжиж мэргэшихдээ цагаан ордны, пентагоны, хөрөнгийн биржийн сурвалжлагч ч гэх юм уу, спорт гэхэд л хөл бөмбөгийн … гэхчлэн тэр ч байтугай ахлах сурвалжлагч гэх мэтээр ангилагдан төрөлжих аястай байна.

-Хэвлэл мэдээллийн хөгжил хандлагыг ярихдаа бид хэрэгжүүлэгч гол эзэд болох магнатуудыг мартаж болохгүй. Дэлхийд дээгүүрт орохоор том том толгой магнатууд хэн хэн гэдгээс хэдийг боловч нэрлэнэ үү?

Австралийн Руперт Мердок, Керри Паркер, Энэтхэгийн Азим Премжи, Америкийн Тед Тернер,Ройтерсын Питер Жом… нарыг яагаад ч юм би ярьж дурьдах дуртай. Опра Уинфрийг ч аливаа оронд андахаа больж дээ. Тэрбээр CNN-ийн ПирсМорганд хэвлэл, мэдээллийн менежментийг хэрхэн чадмагаар хэрэгжүүлэх тухайд олоон жилийн өмнө ой тойнд буутал ярьсан нь одоо ч санаанаас гардаггүй юм.

-Таны бодлоор сэтгүүлч гэж яг хэнийг хэлэх ёстой вэ?

-Миний бодох энд гол бишийг бас хэлүүштэй.Сүүлийн үед “миний бодох” гэдэг үг хэт их хэрэглэж хэнхдэг дэлдэгчид олширсныг би нэгээр нэмж нүгэл үйлдэмгүй байна. Ер нь тэгээд юм бүхэн хэмжээтэй хэмжээ нь хэтэрсэн болгон хортой. Миний бодосноор гэж хэлэх ч юм бий, хэлэхгүй ч юм бий. Эндээ гэхэд сэтгүүлч хэмээн хэлдэг нь бүү хэл, хэлүүлдэг нь ч дутуу мэдлэг, дундуур ойлголттой байгаа л даа.

“Сэтгүүлч” гэсэн алдрыг ард зон хайрлана уу гэхээс бус өөрөө өөртөө өгчихдөг ч өргөмжлөл хэргэм хэрхэвч биш. Манай сэтгүүлчдийн бүтэц, бүрэлдэхүүн туйлын жигд бус ихэд эрээвэр хураавар Конгомерат шинжтэй байгаа.

Сэтгүүлчийн чадал хүчээ зориулдаг чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, харин хоточ нохой. Тиймээс хүн хүн рүү архирч дайраад, юм юм руу асаж ноцоод урж тасдчих гээд байх зохимжгүй. Сэтгүүлч гэмээ нь яллагч биш, харин мэдээлэгч. Тийм болохоор тэр зөв, энэ буруу, тэр гэмт хэрэгтэн, энэ биш гэж адгаж айлдах гээд байх хэрэггүй. Хэн нэгний гэм бурууг хэлж тогтоодэг субьект нь шүүх, прокурор. Сэтгүүлч хэмээх амаргүй албанд зүрх сэтгэлээ зориулж зүтгэгчдийн эрхэмлэх зүйл, идеал зорилт гэвэл: бодит үзэгдэл, болсон үйл явдлыг үнэн бодитойгоор тэгш тэнцүү, нэмэр хачиргүйгээр нэг нэггүй бүрсгэн дэнсэлж, бичиж, мэдээлэх явдал. Сэтгүүлч, сурвалжлагч хэмээх хүндтэй албанд хүчин зүтгэж яваа хүмүүсийн оюуны хөдөлмөрийн үнэлэмж ч онцгой өндөр түвшинд байгууштай. Эдний эрх ашгийг эвлэл, холбоод нь ихэд дээдэлж хамгаалууштай. Тиймээс хүн хүн рүү дайраад л, юм юм руу ноцоод, үсчин цовхчиж, хазаж хайрч, довтолж дошгирч, доромжилж гутаах юм уу, шүлс үсэргэж сэвсээр будаж, хөөс сахруулж хөөрцөглөх зэрэг жижиг улсын жижиг хүмүүсийн жижиг зангаас жинхэнэ сэтгүүлч ангид хол явж, ариун журмыг сахихын сацуу арга мэх, суртал ухуулга цензур буюу хянан цагдалт зэрэг хаа газрын чөлөөт сэтгүүл-зүйд хатуу цээрлэж цэрвэдэг тэвчишгүй гурван гэмтэй тэнхээ мэдэн тэмцэх үүрэгтэй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Монгол, Хятад хоёр улс өнгөрсөн 70 жилийн харилцаагаа дүгнэж, ирэх жилүүдэд хамтран ажиллах зарчмаа тохирлоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө. Айлчлалын үр дүнг дүгнэж хэлнэ үү?

-Айлчлал ажлын, албан ёсны, төрийн гэх зэрэг олон түвшнийх байдаг. Энэ удаагийн айлчлал төрийн айлчлал юм. Манай улсын Ерөнхийлөгч БНХАУ-д ойрын хэдэн жил төрийн айлчлал хийгээгүй. Энэ удаагийн төрийн айлчлалыг аравдугаар сард тэмдэглэх дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хийж байгаа. Тиймээс хоёр улс хоёулаа ач холбогдол өгч, өндөр хэмжээнд, төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан. Айлчлал дөрвөн шөнө, таван өдөр байсны хоёр нь айлчлалын өдөр, хоёр өдөр нь “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцсон. Нэг айлчлалаар хоёр арга хэмжээнд оролцсон гэсэн үг. Хоёр улсын хооронд “Найрсаг харилцаа, хамтьн ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой мөн энэ жил тохиож байгаа.

Ерөнхийлөгчийн айлчлал гэж нэрлэгдэх боловч төрийн бүхий л байгууллага оролцдог чухал арга хэмжээ юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бүх гадаад айлчлал гадаад яаман дээр бэлтгэгдэж ҮАБЗ-өөр орсноор бэлтгэл дуусдаг, тэгээд тэнд гарсан шийдвэрийн дагуу л хийгддэг. Гадаад бодлого дээр намын ялгаа хэзээ ч байгаагүй, цаашид ч гарахгүй байвал зүгээр. Ерөнхийлөгч Баттулга энэ зарчмаа баримтлаад аль ч намын Засгийн газрыг ялгахгүй ажилладаг. Гарын үсэг зурах ажлаар сайд нар, агентлагийн дарга дагалдаж явдаг нь ч бас нэг илрэл. Энэ дашрамд айлчлалыг амжилттай болгоход хамтран ажилласан ГЯ, БНХАУ-ын ЭСЯ болон бусад холбогдох төрийн байгууллагынхандаа баярлалаа.

Хамгийн товчхоноор айлчлалыг дүгнэж хэлье гэвэл хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилээ дүгнээд ирэх жилүүдэд ямар зарчмаар хамтран ажиллах вэ гэдгээ шийдсэн чухал цэг боллоо.

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Си Жиньпин дарга нар албан ёсны гэрээ хэлэлцээр хийж, найман баримт бичигт гарын үсэг зурлаа гэсэн албан мэдээ байна?

-Хорин баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр Ерөнхийлөгч байлцаж зурсан нь найм юм. Засгийн газар хоорондын болон агентлагуудын хоорондын хэлэлцээрийн баримтуудыг хоёр Ерөнхийлөгчийн хэлэлцээрийн дараа шууд үргэлжлүүлэн зурсан. Бусад компани хоорондын хамтын ажиллагаа, манай компани тэдний банкнаас зээл авах гэх мэтийн аж ахуйн нэгжтэй холбоотой хэсгийг тусад нь гарын үсэг зурсан. Айлчлалыг манай сошиалаар шүүмжлээд байсан. Азербайджаны ерөнхийлөгч онгоцоор ирээд л, цэцэг бариад нисэх дээр угтаж авч байхад манай Ерөнхийлөгчийг хоолойгоор оруулсан байна гэж. Энэ бол угаасаа тохиролцсон ажил. Манайд Ерөнхийлөгчийн онгоц гэж байхгүй учраас МИАТ-ийн төлөвлөгөөт нислэгээр ердийн зорчигчдын онгоцоор явдаг. Хэрэв бид хүссэн бол Хятадын талыг тэгж угтуулж болох байсан. Тэгвэл зорчигчдыг хоолойгоор биш, автобусаар авна. Ёслол дуустал 15 минут орчим ч юм уу зорчигчид онгоц дотроо хүлээнэ. Дараа нь автобусаар явах байсан учраас Ерөнхийлөгч зоригчдыг ингэж хүндрүүлж болохгүй, нэгэнт л тусгай онгоцгүй юм чинь тусгай онгоцгүй улсуудыг угтаж авдаг тэр жишгээр л яв гэсэн. Үүнээс цааших бүх протоколын ажил яг төрийн айлчлалынхаа журмаар явсан.Энэ бол манай Ерөнхийлөгчийн Тамгын газар мөнгө хэмнэж байгаагийн нэг хэлбэр. Тусгай онгоц авч явж болох байсан ч үнэ нь өндөр учраас ердийн билетээ аваад л явсан. Хамт явсан зорчигчдынхоо нөхцөл байдлыг хүндрүүлэхгүйн үүднээс л ийм арга хэмжээ авсан. Харин ч шүүмжлэхийн оронд магтах ёстой. Бүхэл бүтэн онгоц хөлсөлж яваагүй, төсвөө хэмнэсэн байна гэхийн оронд өө хайгаад байгаа.

-Жижиг улсыг тоосонгүй гэх маягийн хандлага сошиалаар явж байсан…

-Үгүй л дээ. Жижиг улс учраас онгоцгүй л байхгүй юу. Улсын том жижгээс үл хамаарч төрийн ёслолын протокол ав адил байдаг. Харин ч хамгийн олон уншигчтай төвийн сонины нэгдүгээр нүүрэндээ айлчлалын фототой сурвалжлага тавьсан нь хөршдөө илүү анхаарч байгаагийн илрэл биш үү.

-Төрийн айлчлал хийж, гэрээ хэлэлцээр үзэглэнэ гэдэг хоёр орны хамтын ажиллагаа өргөжиж байна л гэсэн үг биз дээ?

-70 жилийн ойгоо хамтарч тэмдэглэнэ. Түүнээс гадна Монгол байнга тусламж гуйдгаа больё гэсэн шинэ зарчим баримтлахаар тохирсон. Энэ нь “Хамтдаа шинээр үнэ цэнэ бүтээж, түүнээсээ шударгаар үр шимээ хүртэж, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим”. Энэ зарчим бол саяын “Бүс ба зам” хурлын уриа юм. Зөвхөн Монголтой ингэж байгаа юм биш. Саяын хуралд 120 орны төлөөлөл, үүн дотроо 39 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд цугларалт боллоо. Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсны хувьд эдийн засгаа нээлттэй болгож гадаад худалдаа, хөрөнгө оруулалтаа олон улсын тогтсон дүрэм журмаар явуулах болсноо зарлаж байна. Нээлтийн өдөр БНХАУ-ын дарга хэлсэн үгэндээ “Реформоо хийнэ, нээлттэй болно. Бид хариуцлагатай улсын хувьд зах зээлийнхээ шударга дүрмийг тогтоож, хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн гээд бусад улсаас авдаг зүйлээ нэмнэ. Манайх бол хамгийн том дундаж ангитай улс. Энэ дундаж ангид зориулсан сайн бүтээгдэхүүн хийж байвал бүгд манайд нийлүүл. Бид бүх зүйлийг бүрдүүлэхээ больж байгаа” гэх мэтээр шинэ бодлогоо танилцуулсан. Дараагийн 70 жилдээ нэг нэгэндээ хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах, өгөх гэхээсээ илүү ингэж хамтарч ажиллая гэсэн утгатай юм.

-Саяын айлчлалаар тусламж гээд мөнгө авсан уу?

-700 сая юанийн буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол хэдэн жилийн өмнө шийдэгдсэн хоёр тэрбум юанийн 2019 онд авах хэсэг нь болохоос шинээр өгч байгаа тусламж биш.

-БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлийн тодорхой хувиар Замын-Үүд Эрээний чөлөөт бүсийг хөгжүүлнэ гэсэн гэж яригдсан. Энэ асуудал сая яригдав уу. Ерөнхийлөгч ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн байр суурь маш тодорхой байгаа. Орос, Хятадыг холбосон эдийн засгийн коридорын хүрээнд үүнийг шийдэх ёстой. Монгол, Хятадын хооронд гэхээсээ илүү Алтанбулаг Хиагтад баригдах Монгол-Оросын чөлөөт бүс, Замын-Үүд Эрээнд баригдах Монгол-Хятадын чөлөөт бүсийг холбохын тулд 1000 км өндөр хурдны, хүнд даацын машины зам тавих хэрэгтэй байгаа. Зам баригдаж дуусмагц энэ хоёр чөлөөт бүсийг нэгэн зэрэг, нэг өдөр нээнэ. Тэгж байж зөвхөн Хятадын бараа Монголд орох, Монголын бараа Хятадад орох биш гурван улсын бараа чөлөөтэй худалдагдана. Тиймээс 1000 км замаа яаравчилъя гэдэг байр суурин дээр байгаа. Энэ тохиолдолд чөлөөт бүсүүд бодит болно. Түүнээс зам байхгүй бол бүтэхгүй.

-Айлчлалаар цахилгаан станц, аккумлятор, гангийн үйлдвэр барих төсөл эхлүүлэхээр болсон гэсэн мэдээлэл байна. Эдийн засгийн ач холбогдолтой ийм төслүүд хэдийнээс хэрэгжих вэ?

-Үйлдвэр болгон өөр ч нэг том онцлог байна. Засгийн газар зээл авч үйлдвэр байгуулахгүй. Өөрийн чинь асуусан аккумляторын үйлдвэр бол жижиг. “Иш Ноён Бадрах” компани болон “Хайюу” компани хоорондоо гэрээ хийж, Замын-Үүдэд аккумляторын үйлдвэр байгуулж байгаа. Монгол, Хятадын хувийн хэвшлийн хамтарсан үйлдвэр. Цахилгаан станцын хувьд, “Цэцэнс майнинг” компани өөрийн ажиллуулдаг Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайгаар хөрөнгө оруулж, Хятадын тал 300 мегаваттын цахилгаан станц байгуулж, дундын аж ахуйн нэгж болон ажиллах юм. Энд ямар ч Засгийн газрын баталгаа, зээл байхгүй. Хувийн хэвшлийн компани өөрөө уурхай дээрээ цахилгаан станц нэмж байгаа.

Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс стийл” компани мөн Хятадын талтай гарын үсэг зурлаа.

“Эрдэнэс стийл” компанийг төмрийн хүдэр, ширэм экспортолдог “Бэрэн” компани 50 хувь нь, “Эрдэнэс монгол” 50 хувь хамтарч байгуулсан. “Эрдэнэс Монгол” коксжих нүүрсээ, Бэрэн төмрийн хүдрээ нийлүүлж хайлуулна. Хятадын банкнаас зээл авч түлхүүр гардуулах нөхцөлөөр гангийн үйлдвэр байгуулж гарсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд экспортлох төсөл. Хэдэн жилийн дараа гангийн үйлдвэр бүрэн баригдаж дуусахад нийтдээ 10 сая тонн ган үйлдвэрлэдэг болно. Гангийн үйлдвэр одоо яагаад идэвхжээд байна гэхээр жилийн дараа Зүүнбаян-Таван толгойн төмөр зам ашиглалтад орно. Тэгэхээр коксжих нүүрс ашиглан ган үйлдвэрлэх юм. Ерөнхийлөгч биенесийн салбарт олон жил ажилласан болохоор иймэрхүү бодит хамтын ажиллагааг дэмжиж, айлчлалын хүрээнд дэмжигдэж шийдэгдсэн гэсэн үг.

Энэ бүхэн бол боловсруулалтын түвшингээ дээшлүүлэх замаар монголчууд ажилтай болно, экспортоо нэмэгдүүлнэ гэсэн төрийн бодлоготой нийлж байгаа. Эрчим хүчний нүүрсээ зарахын оронд цахилгаан болгож, төмрийн хүдэр, коксжих нүүрсээ зарахын оронд ган болгож экспортловол манай эдийн засаг томорно. Түүхий эдийн үнийн хэлбэлзэлд өртөхгүй. Ер нь бизнесийг хөнгөвчлөх талаар маш олон хэлэлцээр хийсэн. Хоёр талын гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн менежмэнтийн хөтөлбөр гээд. Аж ахуйн нэгжүүд заавал гааль дээр очихгүйгээр гаалийн итгэмжлэгдсэн байгууллагаар дамжуулан байгаа газраасаа бүрдүүлэлтээ хийгээд явдаг хэлэлцээр зурсан. Улаанбаатар төмөр зам болон Хятадын төмөр замын хооронд олон улсын ачаа тээврийн цахим мэдээлэл солилцох протоколоо тохирсон. Зам тээвэр, хил дээр гардаг бүх хүндрэлийг арилгах талаар ажиллаж байгаа. Мөн “Гангар инвест” компани “Шинэ Амгалан хороолол” төслийнхөө зээлийн хэлэлцээрийг зурсан. “Мошеа эко энержи” компани Шинэ Нисэхийн хажууд барьж байгаа 50 мегаваттын 65 сая долларын өртөгтэй нарны станцын төхөөрөмжөө зээлээр авч байгаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станц 550 сая доллар, Чойрт баригдах 10 сая тонн гангийн үйлдвэрийн эхний ээлжийн 290 сая доллар гэх мэт бүх зээл, хөрөнгө оруулалтад Засгийн газар баталгаа гаргаж өгөөгүй, хувийн хэвшлийн гэрээнүүд.

-Хувийн хэвшлийнхэн их амжилттай яваад иржээ гэж харагдаж байна?

-Би хувийн хэвшлийнхний авсан зээлд эргэлзэхгүй байна. Улсын авсан зээл бол үр ашиггүй зарцуулагддаг олон жишээг дурдаж болно. Бадамжунай сайдын авсан пад пад тракторыг малчид тариаланчид аваагүй, Эрээнээс очоод авахад 2 дахин хямд байсан гэх мэт.Харин Бөөрөлжүүт Цахилгаан станц барихдаа яг л олон улсын жишгээр явна. Яагаад гэхээр Бөөрөлжүүт авсан мөнгөө өөрөө төлнө, улс төлөхгүй.

-Гангийн үйлдвэрт улс зээл авч байгаа юу?

-Үгүй. “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компани оролцсон гэдэг утгаараа 50 хувь нь шууд бусаар улсад хамаарна гэсэн үг. Засгийн газрын баталгаа байхгүй учраас “Эрдэнэс стийл” компани өөрөө л өрөө төлнө гэсэн үг. Би төлж барагдуулахад нь итгэж байгаа. Монгол ган үйлдвэрлэгч улс болж байгаа, гангийн үнэ өөрчлөгддөггүй. Бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилдээ 5-10 тэрбум долларын бүтээгдэхүүн экспортлох учраас.

-Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулганд оролцлоо. Чуулганы гол сэдвийн нэг нь “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор” хөтөлбөр байсан. Харин энэ хөтөлбөрт Монгол Улс ямархуу байр суурьтай оролцох бол. Эдийн засгийн үр өгөөж нь манайд хэр тусах вэ?

-Монгол Улсын хамгийн том оролцоо бол Монгол Орос, Хятадын эдийн засгийн коридор. Бид “Бүс ба зам”-д оролцоод эхэлчихсэн. Ази Европыг холбосон эх газрын дэд бүтцийг барьж байгуулах нь “Бүс ба зам”-ын хамгийн гол зорилго. Дэд бүтэц барихаар тэр дагуу байгаа улсуудад худалдаа хөнгөвчилж өртөг хямдарна, тэгэхээр бүх улсын эдийн засаг хөгжинө. Хуучин Торгоны замын үед дэлхийн худалдаа яаж эрчимтэй байсан яг түүн шиг бүтээн байгуулалтын ажил хийнэ. Үүний нэг хэсэг нь Монголоор яваад эхэлчихсэн. 2014 онд манайхаар Хятад Европын хооронд найман вагон транзитаар явдаг байсан бол өнгөрсөн жил 800 болж, 100 дахин өслөө. Контейнерын транзит тээвэр өсч байна. Бид одоо Хятад, Европын хоорондын контейнерийн транзит тээврийн 20 хувийг нэвтрүүлж байна. Наян хувь нь Манжуур, Казахтсанаар явж байгаа. Бид 20 хувиа өсгөх боломжтой. Энэ асуудал хоёр Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр зориуд хөндөгдсөн.

-Яаж өсгөнө гэж?

-Үүнд юу саад болж байна гэхээр Монголын төмөр зам, Оросын төмөр замын хувьд асуудал байхгүй. Ганцхан Эрээний нэвтрүүлэх чадвар, Эрээнээс Жинэнь хүрэх ганцхан төмөр зам л саад болж байна. “Бүс ба зам” гээд том бүтээн байгуулалт эхэлчихсэн байхад та нар Эрээн болон Эрээний нэвтрүүлэх чадвар, Эрээн Жинэнийн замынхаа өргөтгөлийг хийхгүй бол танай дээр гацалт үүсээд байна шүү гэдгийг хэлсэн. Эрээн-Жинэний 200 км төмөр замын ажил хурдан хийвэл ирэх жилдээ дуусах байх. Жинэнь хотоос цааш асуудалгүй. Мөн шилжүүлэн ачилтынхаа хүчин чадлыг нэмэх санал тавьсан.

Мөн бид өөрийнхөө хүчээр Алтанбулаг-Замын Үүдийн 1000 км засмал замаа барьсан тохиолдолд контейнерийг ачааны машинаар ч зөөх боломжтой. Энэ бүх боломжийг нээхийн тулд “Бүс ба зам” манай улсад чухал хэрэгтэй юм.

-“Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор” төслийг хэрэгжүүлэхдээ нэг улсын хөрөнгө оруулалтаас татгалзаж, олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт татна гэсэн мэдээлэл байсан?

-“Бүс ба зам”-ын шүүмжлүүлж байгаа зүйл нь өрийг нь төлж чадахгүй улсуудад өндөр үнэтэй төмөр зам, засмал зам барьж өгөөд өрөндөө хийсэн юмаа буцааж аваад байна гэдэг зүйл. Үүнд хариулт өгөх гэж саяын арга хэмжээг зохион байгуулсан болотой. Бид 1000 км засмал замаа өөрийнхөө хүчээр тавьбал “Бүс ба зам”-аас зээл авахгүй, хятад ажилчид орж ирэхгүй. Энэ тохиолдолд бид замаар явах ачааны урсгалаа нэмэх, Европоор явж байгаа ачааныхаа 40 хувийг манайхаар явуул гэсэн хүсэлт тавина. Ер нь өрийн хавханд орохгүйн тулд өөрсдөө хийж чадах юмаа хийх л хэрэгтэй.

-1000 км зам хэзээ эхлэх вэ?

-Нэг хувийн компани авчихаад барьж чадахгүй бараг 10 жил болж байгаа. Тэд барьж чадахгүй бол Засгийн газар өөрөө хийхээс өөр аргагүй. Зүүнбаянгийн төмөр замыг барьж чадахгүй гэж манайх 10 жил ярьсан. Анх удаа “Эрдэнэс Таван толгой”-н ашгаар барьж байна. Дотоодод ийм нөөц бололцоо байсан л байна.

-Мөн манай Ерөнхийлөгч тус чуулганд Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх саналаа илэрхийлсэн. Энэ талын яриа хэлэлцээрүүд эхэлсэн үү?

-Хоёр талын уулзалтаар үүнийгээ ярьсан. Хятадын тал дэмжинэ гэсэн. Түүнээс гадна Дэлхийн эрчим хүчний сүлжээний хөгжил, хамтын ажиллагааны байгууллага дээр очиж уулзсан. Энэ байгууллага дэлхийг эрчим хүчээр холбох санаачилга хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан. Манай Ерөнхийлөгчийн санаачилга бол энэ том сүлжээнийхээ хүрээнд эхлээд Зүүн Хойд Азийн эрчим хүч дутагдалтай байгаа гурван улс, илүүдэлтэй байгаа гурван улс хооронд хамтын ажиллагаа байгуулж, төв оффисыг нь Улаанбаатарт байрлуулъя гэсэн. Ийм санаачилга гаргасны дараа Хойд, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Монгол, Орос гэсэн зургаан улс идэвхжиж ажил нэлээн явж байгаа. Манай санаачилга 100 хувь дэмжигдэж, хамгийн эхэнд юу хийх вэ гэдгээ хүртэл ярьсан.

Үүний хамгийн чухал ач холбогдол бол манай эрчим хүчний нүүрсийг далай хүргэхэд ашиггүй. Тэгвэл нүүрсээ тог болгоод Солонгос, Япон улсуудад борлуулах санаачилга юм. Монгол Улс нүүрсээр тог гаргахын хажуугаар нар болон салхинаасаа 2,6 тераватт эрчим хүч гаргаж Азийг хангах боломж байна гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллага тооцсон байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэбэй мужийн Таншань хотод очихдоо Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцсан. Тэндээс хийсэн мэдээлэл бидэнд их сонирхолтой байлаа. Өмнө нь тэр бүр сонсож байгаагүй Цаофэйдянь боомт дээр манайхан нүүрсээ аваачих хэтийн төлөвтэй юм байна гэж ойлгосон?

-Цаофэйдянь боомт нь Таншань хотоосоо 90 км зайтай. Нийтдээ 400 сая тонн төмрийн хүдэр, нүүрс нэвтрүүлдэг Зүүн Хойд Хятадын нурмаг ачааны хамгийн том боомт. 2014 онд гарын үсэг зурсан Төмөр замын транзит тээврийн хэлэлцээрээр өмнө нь зөвхөн Тянжин байсан бол одоо Бохайн тэнгисийн гадаад худалдааны бүх боомт манайд нээлттэй болсон. Тэр хүрээнд Цаофэйдянь боомтод очсон. Яагаад очсон гэхээр Тянжин боомт нурмаг ачаа буюу нүүрс болон төмрийн хүдэр цаашид авахгүй гэж байгаа. Харин Цаофэйдянь боомтыг нурмаг ачаанд зориулж хөгжүүлсэн. Энэ боомт руу явахад Бээжингээр дамжихгүй учраас ачаалал багатай, түгжрэлгүй замаар явна. Манай энэ боомтоор зарах гээд байгаа нүүрс 10-хан сая тонн. Туршилтын тээврээ энэ жилдээ явуулах бөгөөд дэлхийн зах зээлд нүүрс гаргахад тээвэрлэлт ямар байх судалгааны ажил гэсэн үг. Ер нь Цаофэйдянь боомт руу очиход нүүрсээ заавал угаах ёстой. Тэгэхээр Сайншандын төмөр зам ашиглалтад орж, тэнд угааж, урагшаа Эрээнээр гаргах юм. Улмаар ирэх жилийн сүүлч гэхэд Ханги-Мандалын төмөр зам мөн ашиглалтад орно. Тэгэхээр Сайншандаас Замын-Үүдээр дамжаад нэг порттой. Сайншандаас Зүүнбаянгаар салаалаад Таван толгойн төмөр замын уулзвараар дайраад Ханги боомтоор гарах бас нэг гарцтай болох юм. Замын-Үүд Эрээнийг одоогийн явж байгаа ердийн ачаандаа зориулж үлдээгээд, нурмаг ачаагаа Ханги-Мандалаар гаргая гэсэн төлөвлөгөө байгаа. Тэгвэл бие биедээ саад болохгүй.

Манай эдийн засгийн хөгжлийг боомилоод байсан дэд бүтэц буюу гурван улсыг холбосон засмал зам, төмөр замын бүтээн байгуулалтаа бид өөрсдөө хийж дуусгах хэрэгтэй. Барьж дууссаны дараа баахан өртэй үлдэх аюултай тул “Эрдэнэс Таван толгойн” 2018 оны цэвэр ашгаар төмөр зам барих шийдвэр гаргаад одоо хэрэгжээд явж байна. Арванхоёрдугаар сарын 31-нд вагон явах ёстой.

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барих шийдвэр гарчихсан ч төмөр замыг хааш нь татвал дээр вэ гэсэн маргаан одоо ч байсаар байна. Таван толгойгоос урд хил рүү, Таван толгойгоос Зүүнбаян рүү төмөр зам татсаны ялгааг та тайлбарлаж өгнө үү. Ойрхон гэдгээр нь Таван толгойгоос урд хил рүү төмөр зам татвал ашигтай байсан юм гэсэн ойлголт олон хүнд байгаа л даа…

-Ойрхон гээд байгаа урд хил дээр нэг л асуудал байгаа. Ойрхон хил рүү татахаар монголчууд ажилгүй, Монголын нутагт өртөг, үнэ цэнэ нь шингэхгүй шууд гараад явна. Өнөөдөр угаагаагүй нүүрсээ хил гарангуутаа зарж байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дээр 200-250 ам.долларын үнэ хүрдэг нүүрсээ газар дээр нь 70-хан ам.доллараар зардаг. Яагаад гэхээр ганцхан худалдан авагчтай. Ганцхан Шэнхуа компанийн ТЗ-аар явна. Харин далай руу очихоор дэлхийн бүх улстай арилжаа хийж болно. Бид 200 доллараар өгч байгаа учраас чамд 70-аар өгөхгүй гэж хэлэхийн тулд далай руу хүрэх гээд байгаа. Өнөөдөр бид урд хил дээр нүүрсээ дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр зарж байна.

Далай руу хоёр замаар явж болно. Нэг бол Хятадын нутгаар явж далай орно. Эсвэл Монголын нутгаар явсаар байгаад далайн боомт дээрээ дөхөж очоод Хятадын нутаг руу орж болно. Энэ бүхэн яагаад боломжтой болсон гэхээр 2014 онд байгуулсан Монгол Хятадын транзит тээврийн төмөр замын хэлэлцээр. 2017 онд эхлээд 2018 оны есөн сард байгуулсан Монгол Оросын төмөр замын транзит тээврийн хэлэлцээрийн үр дүн. Энэ хоёр хэлэлцээрээр нэг тонн нурмаг ачааг 25 доллараар Монгол, Хятадын хилээс Цаофэйдянь боомт руу хүргэж байгаа бол Монгол Оросын хилээс Владивосток хүртэл мөн 25 доллараар хүргэж болдог болсон. Оросын нутгаар явахад хол, 3000 км явна. Гэхдээ ялгаагүй 25 доллар л авна. Тиймээс Владивостокоор ч, Цаофэйдянь боомтоор ч нүүрсээ зарна.

-Замын хол нь хамаагүй нэг л үнээр гэсэн үг үү?

-Замын хол урт нь хамаагүй нэг үнээр тохирч чадсандаа л гол нууц нь байгаа юм. Аль улсын нутгаар явах нь хамаагүй болж байгаа. Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орсны дараа бид нүүрсний экспортоо гурав дахин нэмэх боломжтой болно. Үнэ ч гурав дахин нэмэгдэнэ. Дахин бид Гашуун сухайтаар 70 доллараар өгөхгүй гэсэн үг. Гашуун сухайтаар 200 доллараар авахгүй бол бид Зүүнбаянгаар Цаофэйдянь орж үнэд хүргэнэ. Сайншандад хүрээд Владивосток оруулж 200 доллараар зарна. Зах зээлийн өрсөлдөөн оруулж өгч байгаа учраас хүссэн хүсээгүй Гашуунсухайтаар ч гэсэн 200-гаар авна. Хил гаруут Баяннуурт нүүрс угааж, төмөр замтай нь холбогдож байгаа. Тэгвэл яагаад Монголын төмөр замаар нүүрсээ зөөж, устай газраа угааж, буцаад Бичигтээр Цаофэйдянь орж болохгүй гэж. Үүний тулд одоогийн 400 дээр нэмж 600-хан км төмөр зам барих шаардлагатай байгаа. Төмөр зам тавин жил ашгаа өгнө, үүний цаана ажлын байр нэмэгдэнэ гэх мэтээр эдийн засгийн үр ашиг их.

-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар урагшаа нүүрс гаргахад өргөн, нарийн царигаас үүдэн ачаа буулгаж шилжүүлэх төвөг чирэгдэл гарах уу?

-Тэртэй тэргүй цариг шилжүүлэхэд зардал гарна. Контейнер буулгадаг том кранууд маш үр дүнтэй ажилладаг болсон. Өргөн, нарийн царигтай төмөр зам дээр ачаатай, ачаагүй хоёр вагоны цуваа зогсож байхад дундуур нь кран яваад хэдхэн минутын дотор ачааг нь өргөж, шилжүүлдэг болсон. Нүүрсийг хуучин шиг задгай вогонд ачаад, хөөсрүүлээд тоос үүсгээд байдаг юмгүй болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай

Монголд зээлийн хүү өндөр байна гэж байнга ярьдаг. Тиймээс улстөрчид зээлийн хүүг бууруулж, ард түмэндээ туслахаар шийджээ. Хууль санаачилж, буудаггүй хүүг буулгаж авах их ажил өрнүүлж эхлээд байна. Хүн болгонд хүртээмжтэй, хэрэгтэй сэдэв болохоор олны анхааралд өртөж байгаа ч гэж жигтэйхэн. Зээлийн хүүг буулгах ёстой гэдгийг уухайлан дэмжигчдийн хажуугаар, хүчээр буулгах ёсгүй гэсэн эдийн засагчдын үг сулхан сонсдож байна.

Монголын арав гаруй арилжааны банк хэрэглээний, бизнесийн, орон сууцны, сургалтын төлбөрийн гээд нийт 10 шахам зээлийн үйлчилгээг санал болгодог. Хэдий хугацаатай ямар зээл олгох гэж байгаагаас шалтгаалаад хүү нь өөр өөр байх боловч банкуудын зээлийн жилийн хүүгийн доод хэмжээ 17-20, дээд хэмжээ нь 20-24 хувийн хооронд байдаг.

Улстөрчдийн ярьж байгаагаар банкны зээлийн хүүг хууль гаргаж, хүчээр бууруулахгүй бол хэзээ ч буурахгүй. Бид 30 жил харлаа, зээлийн хүү өссөн үү л гэхээс буурахгүй байгаа. Зээлийн өндөр хүүгийн дарамт нь бизнесийн зардал өсгөн ашиг бууруулдаг. Улмаар татвар багасгаж, төсвийн орлогыг хомсдуулах нэг бодит хүчин зүйл болж байна. Баялаг бүтээж хуримтлал бий болгох биш, мөнгөнөөс мөнгө хүүлэх гол хөшүүрэг болж, ард иргэдийн нуруун дээр татвараас дутахааргүй хүнд ачаа ирж, сэтгэл зүйн дарамт бухимдлын нэг эх үүсвэр болох боллоо. Эдийн засаг дахь санхүүгийн нөөц хэт цөөнхийн мэдэлд төвлөрөх үйл явц өрнөж, дундаж давхарга өсөж өндийх, хуримтлалын бааз суурь нэмэгдэх боломжийг хааж боогдуулах сөрөг үр дагавар илрээд удаж байна. Тиймээс зээлийн хүүг хуулиар зохицуулж 17-гоос бага хувьтай болгоно гэцгээж байгаа. Ер нь бол жаргаах л юм байх. Зээл авдаг хүмүүст энэ хууль маш сайхан сонсдож байгаа байх. Олсон ашгаа зээлсэн мөнгөний хүүнд өгөхгүй нь гэж баярлаж суугаа тэднийг буруутгах аргагүй юм. Зээлийн хүүг бууруулснаар дараахь сайн нөлөө гарна гэж улстөрчид судалжээ. Үүнд, зээлийн хэт өндөр хүү буурна. Мөнгө хүүлэх үйл ажиллагааг хязгаарлана. Бизнесийн зардал буурч ашиг нэмэгдэнэ. Бизнесийн орчин сайжирна. Төлбөрийн чадвар дээшилж, төсвийн орлого нэмэгдэнэ. Мөнгөн хуримтлал, санхүүгийн нөөцийн хуваарилалт зөв чиглэлд орж, мөнгө хүүлэлтэд биш, бүтээн байгуулалтад чиглэгдэнэ гэх мэтээр үргэлжилнэ. Үүнийг сонсоход чухам дэмжмээр сайхан санагдаж байгаа юм.

Харин нөгөө талаас эдийн засагчид болон банкныхан арай өөр зүйл ярьж байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад зээлийн хүүг хүчээр тогтоох боломжгүй гэж тэд тайлбарлаж байна. Зээлийн хүү өндөр байгаагийн хамгийн гол шалтгаан нь хадгаламжийн хүү аж. Манай банкуудын хадгаламжийн хүү дунджаар 13-14 хувьтай байдаг. Тэгэхээр зээлийг үүнээс дээгүүр байлгах зайлшгүй шаардлагатай. Хадгаламжийн хүүнд гадаад валютын ханш, инфляци шууд нөлөөлдөг. Ам.доллар, юань, рублийн ханш сүүлийн жилүүдэд тасралтгүй өссөөр байгаа. Инфляци, гадаад валютын үнэ ч хоорондоо шууд хамааралтай гэхээр зээлийн хүү өндөр байх суурь нөхцөл манайд хангалттай байна.

Мөн хадгаламжийн хүү өндөр тогтдог шалтгаан нь засгийн газрын өндөр хүүтэй бонд, банкуудын хадгаламжийн төлөөх өрсөлдөөн. Манай төсөв ихэнхдээ алдагдалтай гардаг. Төсөв алдагдалтай гарсан үед Засгийн газар өндөр хүүтэй бонд гаргана. Өгөөж өндөртэй бондыг банкууд эрсдэлгүй, хөрвөх чадвартай хөрөнгө гээд худалдаад авчихдаг. Нэгэнт ийм өгөөж өндөртэй бонд худалдаад авчихсан юм чинь нөгөө талдаа өндөр хүүтэй хадгаламж ч амлаж чадахаар болдог. Ийм л тогтолцоо, эдийн засгийн орчин байгаа нөхцөлд зээлийн хүү өндөр байх нь ойлгомжтой. Энэ хүүг банкууд тогтоогоод байгаа юм биш. Зах зээлийнхээ жамаар нь явж байгаа. Хэрэв зээлийн хүүг буулгая гэвэл Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсад эерэг ангилалд оруулж, тогтвортой байлгах ёстой гэж тэд тайлбарлаж байна.

Нээрэн ч сүүлийн жилүүдэд дэлхий өнцөг булан бүрт зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын байгууллагаас манайх байнга сөрөг үнэлгээ авч байгаа. Учир нь манай улс өндөр эрсдэлтэй, гадаад өр байнга нэмэгддэг , Засгийн газар нь хурдан солигддог, төсөв нь алдагдалтай зэрэг шалтгаанаас үүдэн зээлжих зэрэглэл нь өөдөлдөггүй байна. Тиймээс асуудлын суурь буюу зээлийн хүү өндөр байгаа нь манай улс төр, эдийн засгийн орчин юм.

Зээлийн хүүг хуулиар зохицуулах гэж оролдох нь зээл хумих эрсдэл дагуулна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Юу гэсэн үг вэ гэвэл, банкууд эрсдэлээ тооцож анх зээл авах гэж байгаа болон зээлийн түүх тааруухан хүн, байгууллагад зээл өгөхөө болино. Гэтэл мөнгөний хэрэгцээ бол мөнхийнх. Банк зээл өгөхгүй бол хүмүүс хүү өндөр хувь хүмүүс эсвэл банк бус санхүүгийн байгууллагаас зээл хүсэх нь тодорхой. Өнөөдүүл нь ч уухайн тас өгнө биз. Харин эргэн төлөлт алдаг оног, зарим нь бүр төлж чадахгүйдээ хүрэх тохиолдол гарна. Ийм үед мөнгөө алдсан тэр хүмүүс банк шиг таван жил шүүхээр явахгүй. Ёстой арьсыг нь хуулж байгаад ч болов байгаа бүгдийг нь хуу хамж авна. Гэмт хэргийн чанартай ч юм уу, зэрлэг балмад ч гэмээр юм уу ийм сөрөг нөлөөлөл нийгэмд үүснэ гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулаад байгааг анзааралгүй өнгөрч боломгүй.

Зээлийн хүүг бууруулна, бууруулахгүй гэсэн энэ маргааныг харж байхад манай төр засгийн зүгээс мөнгөтэй хүнийг гэмт хэрэгтэн мэтээр үзэх, баалах үзэгдэл хавтгайрах шинжтэй болж байна. Зээл өгч байгаа банкуудыг гэмт хэрэгтэн гэж үзэх нь холгүй байна. Манай арилжааны банкуудад иргэд 13 их наяд төгрөгийн хадгаламжтай бөгөөд үүний 95 хувь нь нийт хадгаламж эзэмшигчдийн тав хүртэлх хувьд ногддог тоо байна. Дэлхийн нийт хөрөнгө мөнгө ч иймэрхүү багцаатай хуваарилагддаг. Үүнийг сонсоод олон хүн “ямар муухай юм бэ” хэмээн гайхан шогширдог. Үнэхээр төрийн албан хаагч хүн мөнгийг тэрбум тэрбумаар нь хадгалсан бол шалгаж, эх сурвалжийг нь тогтоох нь хуулийн байгууллагын үүрэг. Түүнээс биш 30 жил бизнес хийж, унаж босч үндэсний компани болж өргөжсөн бизнесмэнүүдийг тэрбум төгрөгийн хадгаламжгүй байна гэвэл хэтэрхий доромжилсон хэрэг болно.

Ийм л хөрөнгөтөн, бизнесмэнүүдийн мөнгө үгүй бол хүүг нь буулгах гээд байгаа зээл бүү хэл банкны систем нь өөрөө алга болох биз.

Бидний тэмүүлж, зорьж байгаа зах зээлийн нийгэм бол мөнгөний нийгэм. Мөнгө олж, мөн чанарыг нь мэдэж, ашиглаж, зарцуулж, үр шимийг нь хүртэж чадсан хүн сайхан амьдардаг нийгэм. Тиймээс мөнгийг боломж гэж хардаг. Гэтэл бид мөнгөтэй хүнийг ад үзэх сэтгэлгээг нийгэмд суулгаж, мөнгийг хүчээр удирдах гэж байгаа нь хэтэрхий бүдүүлэг, харанхуй байгаагийн тод жишээ биз ээ. Эсвэл сонгууль ойртсон болохоор ард түмэн таалагдах ээлжит попролтын нэг биз. Улстөрчид маань их мөнгөтэй хүн их муухай, бүр их мөнгөтэй хүн бүүр муухай гэх нь холгүй аяглах атлаа өөрсдөө мөнгөний төлөө үхэн хатан өрсөлдөж байна.

Мөнгөтэй тэмцэнэ гэж гарч ирсэн Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро улс орноо ямархуу байдалд хүргэснийг хүн төрөлхтөн харж байна. Николас Мадуро 2013 онд инфляцитай тэмцэнэ гэж гарч ирсэн ч албан тушаалд очсон цагаасаа хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 24 дахин өсгөжээ. Үнийн өсөлт нь есөн сарын дотор 100 дахин нэмэгдсэн. Одоо инфляци нь гурван сая хувьд хүрээд байна. Мөнгөтэй хүчээр тэмцэх, буруу арга замаар зах зээлд нөлөөлөх нь ийм эрсдэлд хүргэдэг гэдгийг бид харсаар байгаад араас нь алхах нь.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Майкл Клечески: Америк, Монгол хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Майкл Клеческитэй ярилцлаа. Тэрбээр Элчин сайдаар томилогдож ирээд хоёр сар гаруй болж байгаа бөгөөд Монголын хэвлэлд өгч байгаа анхны ярилцлага нь энэ юм.


-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирээд удаагүй байна. Монголд ирээд хамгийн анх төрсөн сэтгэгдэл юу вэ. Ер нь Монгол Улсын талаарх таны төсөөлөл бодит байдал дээр хэр өөр байна вэ ?

-Миний эхнэр Элойса бид хоёр Монголд ирсэндээ маш баяртай байна. Ер нь бид аливаа улс оронд очихоосоо өмнө тэр улсынхаа тухай маш их уншиж, видео бичлэг үзэж, хүмүүстэй ярилцдаг.Монголын тухай ч мөн уншиж, бичлэг үзэж судалсан. Аль ч улсад очиход хамгийн анхны сэтгэгдэл их хүчтэй, бодитой байдаг. Монголыг анх онгоцны цонхоор харахад,хэдийгээр өвс ногоо, цэцэг навч ургаагүй байсан ч маш өргөн уудам тал нутаг, үнэхээр том, үнэхээр гайхалтай харагдаж байсан. Малаа хариулаад явж байгаа хүмүүс тод харагдаж байв. Бид энэ нутаг, энэ ард түмний зан заншил нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчин ахуй соёлыг хамгийн түрүүнд олж харсан. Монголд ирээд хоёр сар шахам болжээ. Энэ хугацаа надад “анхны сэтгэгдэл”-үүдээр дүүрэн байлаа, үзэж харсан зарим зүйлээ бичиж тэмдэглэсэн. Та сонсохыг хүсч байвал би үргэлжлүүлье?

-Тэгэлгүй яахав.

-Миний фэйсбүүк, твиттер хуудсыг дагадаг хүмүүс энэ бүхнийг харсан байх. Бид музей үзэх их дуртай. Монголын хэд хэдэн томоохон музейг үзлээ. Хамгийн анх Үндэсний түүхийн музейг үзсэн. Монголчуудын түүхийн талаар маш тод томруун, цогц байдлаар харуулсан байсан. Занабазарын музейд Монгол орны түүхийг, тэр дундаа урлаг соёлын, шашны түүхийг шингээсэн сайхан бүтээлүүдтэй танилцсан. Орчин үеийн уран зургийн галерейд зочилж, энэ бүс нутгийн хувьд сонирхолтой цаг үе болох XX зууны дунд үеэс эхлээд одоог хүртэлх түүхийг дүрслэн харуулсан уран бүтээлүүдийг үзсэн.

Мөн нүүдэлчин амьдралын хэв маягаас үүсч хөгжсөн энэ гайхалтай хотын талаар олон зүйлийг Улаанбаатар хотын музейгээс олж мэдсэн. Олон улсын яруу найргийн өдрөөр Монголын нэрт яруу найрагч Д.Урианхай, Г.Мэнд-Ооёо нартай танилцсан минь надад тохиосон том аз завшаан байлаа. Яруу найраг бол миний ихэд таашаан сонирхдог зүйлүүдийн маань нэг юм.Бид Үндэсний урлагийн их театрт очиж Монгол үндэсний бүжгийн эцэг гэгддэг Ц.Сэвжидийн уран бүтээлтэй танилцсан. Мөн Монголын төдийгүй дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг үзэхээр Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт бид очих дуртай болоод байгаа. Энэ бүгд миний хувьд уламжлалт болон орчин үеийн аль аль хэв шинжээр үнэхээр баялаг соёлын “анхны сэтгэгдэл”-үүд болж үлджээ.

-Хөдөө явж үзсэн үү?

-Хотоос гадагшаа явсан. Хустай, Тэрэлж, “XIII зуун” цогцолбор, бүр Ховд аймагт очсон шүү. Ховд аймаг бол олон үндэстэн, ястны өлгий нутаг гэдгээрээ алдартай юм билээ. Тэд бүгд өөр өөрсдийнхөө соёл, зан заншил, шашин шүтлэгийг өвлөн хадгалж байгаа нь гайхалтай санагдсан. Энэ нь АНУ-тай адил төстэй юм. Албаны хүмүүс, олон нийт, хүн ард нь биднийг маш халуун дотноор хүлээн авсанд талархаад баршгүй. Америк-Монголын хамтын ажиллагаа тэнд бодитойгоор оршин байгааг харахад бахархалтай байлаа. Жишээ нь, Америкийн соёл, мэдээллийн төв Ховдод байдаг. Америкийн тухай мэдээллийг түгээдэг энэ төв орон нутгийн хүмүүс олноороо ирдэг газар болжээ. Тэнд ажилладаг Энхтайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүд, англи хэлний заах арга зүйч америк багш нартай уулзсан. Маш азтай нэгэн тохиолдол болсон нь юу гэвэл, биднийг тэнд байхад Ховд аймгийн Хөгжимт жүжгийн театр “Жангар” туулиас сэдэвлэсэн хөгжимт жүжгийг тайзан дээр тавьж, нээлтийн тоглолтыг нь үзэх хувь бидэнд тохиосонд баяртай байна.

АНУ-д Монгол Улсыг бат бэх, цэцэглэн хөгжиж байгаа ардчилсан улс гэдгээр нь сайн мэднэ. Намайг ирснээс хойш хоёр ч удаа жагсаал, цуглаан болж байхтай таарлаа. Тайван, эмх замбараатай, гэхдээ асуудлуудыг бодитой дэвшүүлж тавьж байгаа харагдсан. АНУ-д ч гэсэн янз бүрийн засаг захиргааны үед зөндөө л олон ийм жагсаал болж байдаг. Энэ бол ардчиллын нэг илэрхийлэл юм. Бас АНУ-тай төстэй нэг зүйл гэвэл, уулзсан албаны хүмүүс, улстөрчид сошиал сүлжээний талаар ярьж байсан. Тэнд хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, түүнийг нь зөвхөн сонгуулийн үеэр биш, жирийн үед ч харж анзаарч, хариу өгч байх ёстой гэсэн нь бас сонирхолтой санагдаж байв.

Монгол хүмүүсийн нөхөрсөг, найрсаг зан чанар, АНУ-Монголын харилцааг өндрөөр үнэлж, их ач холбогдол өгч байдаг нь миний хувьд мөн онцгой санагдлаа. Олон албаны уулзалт хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон нэлээд олон сайд, парламентын гишүүд, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзсан. Эдгээр уулзалтын уур амьсгал маш эерэг, халуун дулаан байв. Энэ бүх зүйлийг эргээд харахад анх бодож байснаас хавьгүй илүү, хүлээлтээс давсан найрсаг, дулаан сэтгэгдэл надад үлджээ.

-Хоёр сарын хугацаанд чамгүй олон газраар явжээ…

-Ядрах болоогүй байгаа шүү. (инээв)

-Албаны хүмүүстэй уулзсан тухайгаа ярилаа. Та УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын хууль, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулсан тухай асууж лавлаж байсан. Та тодорхой мэдээлэл авч чадсан уу, ямархуу үнэлэлт дүгнэлттэй болсон бэ?

-Шүүх эрх мэдлийн систем хараат бус байх нь ардчиллын хамгийн гол амин чухал зарчим. Мэдээж, чөлөөт хэвлэлээс эхлээд ардчиллын маш олон бүрэлдэхүүн хэсэг бий л дээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тухай би УИХ-ын даргаас асуусан. АНУ-д ч энэ талаар нэлээд сонирхож байгаа. Надад тодорхой тайлбарлаж өгсөн. Шинэ нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн Цэцээр авч хэлэлцэх юм байна гэсэн ойлголттой байгаа. Бидний зүгээс хамгийн гол нь юуг тэмдэглэж байна вэ гэхээр, шүүх засаглал, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдал маш их ач холбогдолтой, суурь хүчин зүйл юм гэдгийг хэлэх хэрэгтэй.

-Элчин сайдаар ажиллах хугацаандаа ямар асуудал дээр түлхүү анхаарах ёстой гэж төлөвлөж байна вэ?

-Би Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээ маш аз завшаантай хэрэг гэж боддог. Олон шалтгаан байна. Юуны өмнө, АНУ Монгол Улсыг маш чухал түнш, анд нөхрөө гэж боддог. Хамгийн гол нь Монгол бол ардчилсан улс бөгөөд ардчиллын институциуд бие даасан байх ёстой гэсэн хамтын үнэт зүйл, зарчим бидэнд бий. Мөн Монгол Улс олон улсын энхийг дэмжих ажиллагаанд хүчин чармайлт гарган хувь нэмрээ оруулж байгаа. Өөр бусад шалтгаанууд ч бий. Энэ бүхэн 30 гаруй жил бидний харилцааг тодорхойлсоор ирсэн. Бидний нэгэнт тогтсон энэ сайхан харилцааг улам сайжруулах, бэхжүүлэх хүсэл эрмэлзэл Вашингтонд ч дүүрэн байна. Үүний нэг илэрхийлэл бол өнгөрсөн жил танай Ерөнхий сайд АНУ-д айлчлал хийсэн. Тэр үеэр бид хоёр талын харилцаагаа “Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа” гэж шинээр тодорхойлсон. Энэ нь хоёр орны харилцаа шинэ шатанд гарсны илэрхийлэл юм. Миний нэн тэргүүнд тавих зорилт бол нэгэнт тогтсон бат бэх, сайн харилцаагаа цааш нь яаж улам өргөжүүлэх, бэхжүүлэх талаар арга замуудыг эрэлхийлж, олох явдал юм.

Бидний харилцааны үндэс суурь бол хамтын үнэт зүйлс юм. Ардчилал, чөлөөт хэвлэл, бие даасан, хараат бус шүүх эрх мэдэл, ардчиллыг бүрдүүлдэг бусад олон зүйл байна. Эдгээр үнэт зүйлс, чанаруудыг улам бэхжүүлэн бататгах үйлсэд АНУ Монгол Улсыг тууштай дэмжиж байгааг нотлох нь миний зүгээс тэргүүн зэрэгт тавих зорилт юм. Энэ бол бүхэлд нь томоор тодорхойлсон зорилт юм шүү. Үүнийг бүрдүүлж буй олон зорилгууд байгааг би тус тусад нь ярья.

Элчин сайдын томилгоог Сенатаар хэлэлцэх сонсголын үеэр би элчин сайдын хувиар нэн тэргүүнд хоёр орны эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэсэн зорилго тавьж байгаагаа хэлсэн. Энд би хоёр зүйлийг хэлмээр байна. Манай ЭСЯ-ны, өргөн утгаараа АНУ-ын Засгийн газрын үүрэг бол Монгол Улсад бизнесийн ямар боломжууд байгааг Америкийн бизнес эрхлэгчдэд танилцуулах, мэдээлэл хүргэх, шаардлагатай үед туслалцаа үзүүлэхэд оршдог. Бусад бизнес эрхлэгчдийн адилаар Америкийн бизнесүүд ч Монголд хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдэхдээ хөрөнгө оруулалтын орчныг юун түрүүнд харна. Ил тод байдал, хууль дээдлэх зарчим хэр байна, эдийн засгийг төрөлжүүлэх ямар боломж байна гэдгийг судална. Энэ бүх салбаруудад харин бид туршлага хуваалцан, эдгээр зорилтуудыг ханган биелүүлэхэд нь Монгол Улсад туслалцаа үзүүлсээр ирлээ.

Хоёр дахь зорилгыг улс төрийн гэж томьёолж болно. Тухайлбал, олон улсын хэмжээнд бидэнтэй тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд хамтран оролцох явдал юм. Жишээ нь, Хойд Солонгосын талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх, хэрэгжилтийг нь хангахад хамтран ажиллаж байгаад бид Монгол Улсад талархалтай байна. Мөн Батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааг энд бас хамааруулж болно. Энэ харилцаа маш бат бэх бөгөөд бид улам бэхжүүлэх хүсэлтэй байна. Монгол Улсын олон улсад энхийг сахиулах чиглэлээр гаргаж байгаа хүчин чармайлтыг бид дэмжихдээ үргэлж таатай байна. Энэ бол монголчуудын хувьд бахархах нэг зүйл гэдгийг бид мэднэ, энэ чиглэлээр дэмжин ажиллахдаа ч бахархалтай байдаг. Дашрамд хэлэхэд, өнгөрсөн долоо хоногт шөнө дөлөөр би “Чингис хаан”олон улсын нисэх буудал дээр очиж, Афганистан дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцохоор Америкийн онгоцоор ниссэн монгол цэргүүдийг үдэн гаргах ёслолд оролцлоо.

Гурав дахь бүлэг зорилго бол иргэд хоорондын харилцааны асуудал байдаг. Иргэд хоорондын харилцаа гэхээр байнга яригддаг, улиг болсон үгс сонсогдож магадгүй. Өнгөрсөн онд танай Ерөнхий сайд АНУ-д айлчилж, манай Төрийн нарийн бичгийн даргатай уулзахдаа 2019 оныг Америк-Монголын залуучуудын жил болгохоор ярилцаж, санал нэгдсэн. Тэгэхээр энэ чиглэлээр бидний түншлэлийн хүрээнд хамтран хийж байгаа хөтөлбөрүүд олон байгаа. Бид энэ жил Америкийн хип-хоп хамтлаг авчирна, залуу интерпренерүүдэд зориулсан хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд нэрлэвэл их олон зүйл бий.

-Ямар хамтлаг ирэх бол…

-Next Level гээд Төрийн департаментын хип хоп санаачилга л даа, хамтлагийн нэр удахгүй тодорхой болох юм. Мөн миний хувь хүний зүгээс нэлээд анхаарал хандуулж байгаа зүйл бол Монголд англи хэлний сургалт, заах арга зүйг сайжруулах. Англи хэлний түвшин жилээс жилд чанаржиж байгаа ч сайжруулах боломж үргэлж нээлттэй байдаг. Энх тайвны корпусын сайн дурын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар, өөр олон арга замаар арга зүйг сайжруулж болно. Мөн солилцооны болон тэтгэлэгт хөтөлбөрүүд, богино хугацаагаар АНУ-д зочилж, мэргэжлийн чиглэлээр туршлага судлах “зочин” хөтөлбөрүүд ч байдаг. АНУ бүх асуудлыг шийдэж, бүх асуултад хариулж чадна гэж хэлэхгүй ч бид эдгээр хөтөлбөрүүдээр тухайн асуудлыг яаж шийдэж байгаа өөрсдийн туршлагаа хуваалцаж, монголчуудаас ч их зүйл суралцаж байдаг. Ингээд, бидний өмнө энэ мэтчилэн томоохон зорилтууд байна, хийж хэрэгжүүлэх ч бүрэн бололцоотой гэж үзэж байна. Яагаад гэхээр манай ЭСЯ-нд маш туршлагатай, хариуцлагатай, чадварлаг хамт олон ажилладаг, тэднийхээ хүчээр эдгээрийг хийж хэрэгжүүлэх боломжтой.

-Олон сайхан хөтөлбөр хэрэгжиж, хоёр орны хамтын ажиллагаа улам хөгжинө гэдэг таатай сонсогдож байна. Та түрүүнд хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг өргөжүүлнэ гэлээ. Ер нь америк компаниуд Монголд хөрөнгө оруулах сонирхол хэр байдаг юм бол?

-Мэдээж, сонирхол байгаа. Юуны өмнө хөрөнгө оруулалтын орчин их чухал байдаг. Монгол Улс геостратегийн болон стратегийн маш чухал байрлалтай болохоор хөрөнгө оруулалтын орчныг нь сонирхох нь гарцаагүй. Бидний хийх ажил бол тэр сонирхлыг нь өдөөх, зөв мэдээллийг хүргэх явдал юм. АНУ-д байгаа Монгол Улсын ЭСЯ ч гэсэн ийм зорилт дэвшүүлж, адилхан үүрэг хүлээдэг бөгөөд хоёр орны бизнесүүдийг холбох, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх талаар тэд ч гэсэн хичээнгүйлэн ажиллаж байгаа, үүнд нь талархал илэрхийлье. Ер нь олон улсын зүгээс хөрөнгө оруулалт, бизнес хийх сонирлыг татах хамгийн гол хүчин зүйл бол хөрөнгө оруулалтын орчин, нөхцөл байдаг. Энд ямар сорилт бэрхшээл байна, яаж сайжруулах вэ гэдэг талаар дүн шинжилгээ, зөвлөмжийг багтаасан ”Хөрөнгө оруулалтын орчны тайлан”-г бид жил бүр улс тус бүрээр гаргаж, нийтэд ил тод тавьдаг. Энэ чиглэлээр хийсэн бидний хамтын нэг алхам бол дөрвөн жилийн өмнө гарын үсэг зурсан Худалдаа, хөрөнгө оруулалтын талаар Ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр юм. Үүний зорилго нь олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улсад байгаа боломжуудыг, мөн эрх зүйн орчныг ил тод байлгахад чиглэгдсэн. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн, бизнесийн эрх ашгийг хөндсөн алив хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, эсвэл шинэ хууль батлахын өмнө олон нийтийг санал өгөх боломжоор заавал хангах талаар тохиролцсон байдаг.Ил тод байдлын хэлэлцээрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар манай ЭСЯ танай Засгийн газартай хамтран ажиллах болно. Энэ хэлэлцээр маань бүрэн хэрэгжсэнээр бизнесийн орчинд дорвитой үр дүнг авч ирнэ гэж найдаж байна.

Бидний харилцааны 30 гаруй жилийн хугацаанд нийт нэг тэрбум орчим ам.долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн байна. Энд бизнесийн орчныг сайжруулах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, эдийн засгийн эрх зүйн чиглэлээр туршлагаасаа хуваалцсан гэх мэт. Санаанд орж байгаа нэг зүйлийг дурьдахад, Монголд ирээд удаагүй байхдаа би шүүгч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд зориулсан хөтөлбөрийн арга хэмжээнд оролцсон юм байна.

Өөр нэг жишээ бол АмЧам буюу америкийн худалдааны танхим Америкийн бизнес эрхлэгчдийг дэмжих, нэгтгэх, тэдэнд тулгарч байгаа нийтлэг бэрхшээл, сорилтууд, үзэл бодлыг сонсох, ярилцах, уламжлах зэргээр ажилладаг. Энэ байгууллагын тавьсан саналыг Монгол Улсын Засгийн газар нааштай хүлээн авдаг, бид ч АмЧамыг дэмжин ажилладаг.

-Монголын ноолууран, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй гаргах тухай хуулийн төсөл Сенатад ороход бэлэн гэсэн мэдээлэл байсан. Ойрын үед шийдэгдэх болов уу?

-Өнгөрсөн долоо хоногт энэ хуулийн төслийг Конгресс дахь Төлөөлөгчийн танхим болон Сенатын аль алинд нь дахин өргөн барьсан байгаа. Америкт ч бай, Монголд ч бай, аль ч орны хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа нэлээн нарийн түвэгтэй, олон шат дамжлагатай байдаг. Яг одоогийн байдлаар хэзээ, яаж шийдэгдэхийг би урьдчилан таамаглах, тодорхой хэлэх боломжгүй байна. Ямартаа ч энэ хуулийн төслийг манай хууль тогтоох байгууллагын зарим гишүүд өргөн барьсан нь Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, солонгоруулах, энэ чиглэлээр туслах хүсэл сонирхол АНУ-д байна гэдгийг харуулж байна. Энэ талаар Монгол Улсын Засгийн газар ч бидэнд байнга санал тавьж байдаг, бид ч сайн гуравдагч хөршийн хувиар та бүхнийг сонсож, эдийн засгийг төрөлжүүлэхэд бололцоотой бүхий л туслалцааг үзүүлэхийг эрмэлзэж байдаг.

Мөн АНУ-ын Конгрессоор саяхан батлагдсан “BUILD Act” буюу хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулах талаар шинэ гарсан хууль бий. Тэр талаар бас тайлбарлаж өгье.

-Ямар учиртай хууль вэ?

-Энэ оноос хэрэгжиж эхлэх хууль. Хууль хэрэгжсэнээр 60 тэрбум ам.долларыг Энэтхэг, Номхон далайн бүс нутагт хэрэгжих дэд бүтэц гэх мэт төсөлд хөрөнгө оруулах америк компаниудад дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм. Энэ бүс нутагт Монгол Улс ч багтаж байгаа болохоор үр шимийг нь хүртэх боломжтой. 60 тэрбум долларыг нэг улсад тэр чигээр нь хөрөнгө оруулна гэж ойлгож болохгүй.

-Монгол Ардчилсан улс гэдгээрээ бахархдаг. Манайх хоёр хөрштэйгөө найрсаг харилцаатай. Мөн гурав дахь хөршийн бодит дэмжлэг маш чухал байдаг. Жишээ нь, Оюу толгойн бүтээн байгуулалт шиг АНУ-ын эрх ашиг шууд туссан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх боломж байдаг уу?

-Монгол бол том, жижиг, ямар ч боломжоор дүүрэн улс. Яг одоохондоо “Оюу толгой”-гоос өөр ийм том, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг зааж хэлэхэд хэцүү юм. Энд дурдахад, “Оюу толгой” төсөл дээр АНУ хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг. Мөн John Deere, General Electric болон манай бусад компаниудын тоног төхөөрөмж, машин механизмыг бүтээн байгуулалтад ашиглаж, тэд ч найдвартай чанараа харуулж, төслийн амжилтад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа байх аа. “Оюу толгой” төсөл олж байгаа ашиг орлого, бий болгосон ажлын байр зэргээрээ Монгол Улсын хувьд чухал том төсөл. Нөгөө талаар олон улсын хөрөнгө оруулагчид монголчуудыг “Оюу толгой” шиг ийм том төслийг амжилттай хэрэгжүүлж чадах нь уу, үгүй юу гэдгийг анхааралтай ажиглан харж байна. Маш том хөрөнгө оруулалтын төсөл болохоор ярвигтай байгаа нь ойлгомжтой ч тогтвортой хэрэгжиж чадах нь уу гэдгийг харж байгаа. Монгол Улсын хувьд урт хугацааны томхон хөрөнгө оруулалт хийхэд найдвартай байж чадах эсэх нь энэ төслийн үр дүнгээр харагдана.

Хөрөнгө оруулалтын хувьд нэмж хэлэхэд, Монгол Улс Мянганы Сорилтын Сантай хоёр дахь компакт гэрээгээ байгуулсан. Улс орон бүр хоёр дахь гэрээг байгуулж чаддаггүй нь эхний компакт гэрээ маш амжилттай болсон гэдгийг харуулж байна. Энэ бүхэн бол бидний бодитойгоор бахархах ёстой зүйл. Энэ санхүүжилт бол өрийн дарамтад оруулах зээл биш, буцалтгүй тусламж. Америкийн татвар төлөгчдийн мөнгөөр тодорхой, бодит, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх зорилготой олгож байгаа буцалтгүй тусламж юм. Хоёр дахь компакт гэрээг байгуулсан нь АНУ Монгол Улстай хамгийн нягт, ойр түншлэлийн харилцаандаа тууштай хандсан хэвээрээ байгаагийн тод жишээ юм.

-Элчин сайд ирэх бүрт асуудаг нэг асуултаа одоо тавья. Монголчууд АНУ-д визгүй зорчих боломж бий юу. 2000 онд Америкийн Элчин сайд Жон Дингер манай сонины редакц дээр ирэхэд туршлагатай сэтгүүлч Д.Ханддолгор яг ингэж асууж байсныг дөнгөж шинэ сэтгүүлч болоод байсан миний бие анх удаа маш сонирхон сонсож байсан юм. Түүнээс хойш энэ асуултыг олон удаа тавьсан байдаг юм?

-Бусад улсад визгүй зорчих асуудлыг Монгол Улсын Засгийн газар, ГХЯ дэмждэг гэдгийг би мэднэ. Монгол Улсын иргэд АНУ-д визгүй зорчих асуудал ойрын ирээдүйд ч юм уу, төдийд өдийд шийдэгдэнэ гэж миний хувьд урьдчилан хэлэх, таамаглах боломжгүй байна.

Бидний зүгээс иргэдийг хариуцлагатай аялахыг уриалдаг бөгөөд бид БНСУ-ын ЭСЯ, танай Гадаад харилцааны яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” аяныг зохион байгуулж байгаа. H2 ангиллын ч бай, өөр ямар нэг ангиллын визээр Америкт зорчиж байгаа бол бид дэмжиж, баяртай байдаг. Харин тэд визнийхээ нөхцөлийг баримталж, манай улсын хууль тогтоомжийг хүндэлж зорчих нь маш чухал юм. Та бүхэн ч гэсэн гадаадын иргэдийг Монголд аялахдаа визний нөхцөлөө зөрчихгүй, хууль тогтоомжоо биелүүлж явахыг шаарддаг шиг. Энэ бол ямар ч улс орны хувьд хүсдэг зүйл байх.

-Монголчууд Америкийн Н2 буюу “түр хугацаагаар ажиллах виз” авах боломж нээгдээд жил гаруй болж байна. Энэ бол монголчуудад олгосон нэг таатай боломж, дэмжлэг гэж харж байгаа…

-H2 визний хувьд танай уншигчдад болон монгол-чуудад хэлэх зүйл байна. Америкийн Элчин сайдын яамыг төлөөлж байгаа мэтээр, H2 визний агент, төлөөлөгчийн газар хэмээн хуурамч нэр хаяг зүүсэн зарим компаниуд дуулдаж байгаа нь санаа зовоосон асуудал болж байна. Яг энэ H2 визний асуудлаар тодорхой томилогдсон компани, төлөөлөгчийн газар, агент гэж байхгүй. Бид H2 визний талаарх мэдээллийг аль болох олон хүнд хүргэхийг хичээж, зөв мэдээллийг хүмүүс зохистойгоор хэрэглэн Америкт хууль ёсоор хөдөлмөр эрхлэх боломжтой байгаасай гэж хүсч байна. Манай ЭСЯ болон АНУ-ын Төрийн департамент, эсвэл Монголын Гадаад харилцааны яамны вэб сайтаас хамгийн бодит үнэн зөв мэдээллийг авах боломжтой. Түүнээс биш янз бүрийн компани, хувь хүмүүст итгэж буруу мэдээлэл авч хохирох вий гэж бид болгоомжилж байна.

-Таны намтрыг уншиж байхад гадаадын олон олонд ажилласан баялаг түүхтэй юм. Монгол Улсыг та бусдаас юугаараа онцлог, давуу талтай гэж харж байна вэ?

-Өмнө байсан улс орон бүртээ би тун сэтгэл хангалуун байдаг. Дипломатчийн ажил бол үнэхээр сайхан ажил. Энэ ажил, мэргэжилдээ би маш дуртай. Улс орон бүр өөрийн гэсэн онцлог чанаруудтай байдаг. Ярилцлагын эхэнд Монгол орны давуу талыг тодорхойлж хэлсэн гэж би бодож байна. Тухайлбал, хүн ардынх нь найрсаг, нөхөрсөг зан чанар байна. Үүнийг бид хэзээ ч дутуу үнэлэх ёсгүй, энэ бол онцгой давуу тал. Хоёрт, маш баялаг соёл, түүх, уламжлалтай улс юм. АНУ-д Монголын түүхийн талаар илүү олон ном гардаг болсон. Бүгдийг нь олж уншихыг хичээж байгаа. Мэдээж, өвөрмөц байгалийн гоо үзэсгэлэнгээрээ Монгол Улс их алдартай. Соёлын хувьд, тухайлбал хөгжмийн салбарт монголчууд олон улсад илүү танигдаж байна. Жишээ нь, “The Hu” гэдэг монгол хамтлаг дэлхий даяар нэрд гарч, АНУ-ын хөгжмийн iTunes жагсаалтын рок ангилал дотроо эхний байрыг эзэлсэн нь маш их шуугиан тарьж байна. Миний хүү “The Hu” хамтлагийг сонсох дуртай. Бас саяхан “Magnolian”, “The Colors”, “The Lemons” гээд Монголын хөгжмийн гурван хамтлаг Америкийн алдартай South by SouthWest хөгжмийн фестивальд маш амжилттай оролцоод ирсэн тухай мэдээллийг сонссон. Энэ мэт дэлхий даяараа Монголын тухай өргөн хүрээнд сонирхох зүйл их болж байна.

-Ярилцлагын эхэнд та Элойса бид Монголд ирсэндээ маш их баяртай байна гэж хэлсэн. Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр Элойса маань Монголд ирсэндээ маш их баяртай байгаа. Цаг хугацааг сайхан өнгөрөөж байгаа. Хамтдаа бид их олон зүйлийг мэдэж, нээж, сурч байна. Бид гурван хүүхэдтэй. Монголын “The Hu” хамтлагт дуртай хүү маань хамгийн бага нь. Филиппинд амьдардаг, бизнес хийдэг залуу бий. Нэг нь Нью-Йоркт архитекторч, нөгөө хүү маань Сан-Францискод багшилдаг. Гурван хүүхэд маань том болж, өөр өөрийн амьдралтай болсон учраас энд бид хоёртой хамт ирээгүй. Мэдээж, энд зочилж ирнэ. Бид хоёрыг хаана ч ажиллаж, амьдарч байсан хүүхдүүд маань зочилж ирдэг. Мөн бид хоёр дээр ирэх гэсэн найз нөхдийн маань нэрсийн маш урт жагсаалт үүссэн. Их олон хүн Монголд ирэх сонирхолтой байгаа.

Бидний энд хийж байгаа зүйлсийг Фэйсбүүкээс харж байгаа болохоор ирж үзэх сонирхол олон хүнд, найзуудад маань төрсөн гэсэн. Тэднийг ирэхээр Монголын гайхамшигт сайхан байгалийг үзүүлнэ. Монгол найз нөхдөө танилцуулна. Найз нөхдөө хүлээж авахдаа баяртай байгаа. Энд ирээд хийж үзэх хөгжилтэй, сонирхолтой зүйл олон бий. Ер нь Монгол бол маш Cool улс шүү. Дахин хэлэхэд, нэгэнт тогтсон бат бэх харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаа ийм cool улс оронд Элчин сайдаар томилогдож ирсэн минь маш аз завшаантай хэрэг гэж боддог.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бүгдээрээ бүүдийж явахаар багаасаа тодрох нэг нь тодорч байг л дээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийнхөө гаргасан нэгэн тушаалыг нийтэд танилцууллаа. Түүний тушааснаар бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглолоо. Ингэснээр хүүхдүүд ямар нэгэн уралдаан тэмцээнд орох эрхгүй болов. “Олимпиад, уралдаан тэмцээн нь хүүхдүүдийг их стресстүүлдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, өөртөө итгэлгүй болдог. Уралдаан, тэмцээн зохиох нь бага ангийн хүүхдүүдийг эрэмбэлж, ялгаа үүсгэсэн, суралцах хүсэл эрмэлзлийг бууруулсан, сургалтын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэл болоод байна” хэмээн сайд мэдэгдэв. Үүнийгээ их сайн шийдвэр хэмээн андуурч бодоод байна. Харин ч хүүхдүүдийг олимпиад, тэмцээнд оруулахгүй байх нь өрсөлдөөнийг хориглож, байхгүй болгож байгаа хорон бодлого юм. Авьяас чадвар, мэдлэг, сурлагаараа бусдаас илүү гэсэн итгэлийг хүүхэд багаасаа мэдэрч өсөх нь буруудах юмгүй. Дээрх тушаал бол ийм итгэлийг байхгүй болгож байгаа хэрэг юм. Ангиас авьяас чадвартай, сурлагандаа сайн хүүхэд тодорч гарах нь бусдадаа халтай учраас ийм хүүхэд байлгахгүй гэж байгаа бололтой. Уул нь яг жинхэнэдээ хүүхдүүд биш, тэдний атаархуу эцэг эх л сайн хүүхдэд хорссондоо дээр сайдын дурдсан байдалд ордог шүү дээ.

Сүүлийн үед дүн гаргах, шалгалт авах, гэрийн даалгавар өгөхийг хориглох хэрэгтэй гэсэн үзэл давамгайлж, эцэг эхчүүд ч тэгж шаардах болжээ. Ганц манайх ч биш, дэлхий нийтийн үзэл хандлага иймэрхүү болчихож. Үүнийг сул доройчууд нийгмийг удирддаг болсноос үүдэлтэй хэмээн тайлбарладаг юм билээ. Энэ нь гялалзсан нэгнээ татаж унаган, бүгд ижилхэн байх хүслээс үүдэлтэй гэдэг. Тамын тогооны үлгэр бодит амьдрал дээр, бүр боловсролын салбарт биежиж эхэлж байна. Нэг нь уйгагүй мөлхөж оролдож арай гэж тогооны ирмэг дээр гарах дөхөхөөр доор байгаа хэсэг нь хөлнөөс нь татаад унагачихдаг. Ийм болохоор хэн ч тэр тогооноос гарч чаддаггүй, бүгд ёроолд нь үлддэг үлгэр бидний үр хүүхдүүдийн амьдралд бодит болох нь.

Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй гэж ардын сургаал бий. Яагаад хичээлдээ муу хүүхдийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг, сайн хүүхдийн эрх ашгийг бодож үзэхгүй байна вэ. Энэ улс оронд чинь хичээлдээ сайн хүүхэд хэрэгтэй, даанч ийм хүүхэд ховор заяадаг. Монголчуудаас яагаад зуун жил болоход Нобелийн шагналтан төрсөнгүй вэ. Манай сургалтын систем зөв байна уу, буруу байна уу гэдгийг бодож үзсэн хүн байна уу. Тэгэхлээр дээрээс нь тайрах биш, харин ч эсрэгээрээ доороос нь шахаж өгөх хэрэгтэй байна аа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хичээлийн талын уралдаан тэмцээнүүдийг харин ч олшруулж тэрэнд тэргүүлж байгаа хүүхдүүдийг магтан сайшааж урам өгч, эцэг эхийг нь цуг алдаршуулдаг, Монголыг авч явах хойч үе гэж үздэг болох хэрэгтэй. Ингэвэл хүүхдүүд харин ч муу байхаасаа ичих юм биш үү. Сайн ч адилхан, муу ч адилхан байхад хэн сайн байж биеэ зовоох юм бэ.

Е.Баатарбилэг сайд та энэ талаас нь бодох хэрэгтэй байсан юм. Тэгээд ч яаран ямар ч судалгаагүй, цахим санал комментэд тулгуурлан бодлого гаргаж болж байгаа юм уу. Хүүхэд онц сурлагтан, олимпиадын аваргаас болоод сэтгэл санаагаар унаж, хичээл номоо хаясан хэдэн тохиолдол бүртгэгдсэн юм бол. Хэн гэдэг эрдэмтэн үүнийг судалж, хаана ямар эрдэм шинжэлгээний хурал дээр илтгэл тавьж, ямар буурьтай хэвлэл дээр нийтлэл бичсэн байна вэ. Хаана ч ийм юм гараагүй гэдгийг бид бүгд л таамаглаж байгаа шүү дээ. Бид хойд үеээ гялалзсан ухаантай, өндөр боловсролтой, ямар ч бэрхшээл зовлонг даваад гарах хэмжээнд бэлтгэж үлдээх хэрэгтэй юм биш үү. Түүнээс өөрөөс нь дээш гарсан хүн харахаараа атаархасандаа бүтэж үхчих гээд өмдөндөө дусагнуулсан, нэгэнт боловсрол мэдлэг нь хүрэхгүй юм чинь тэр сайн хүнийг хорлохыг бодохоос өөр юм бодож чадахгүй хойч үе үлдээж болохгүй. Ухаантай боловсролтой хүнээ хорлоно гэдэг улсаа хорлож байгаа гэсэн үг.

Ийм нэгэн үеийг үлдээснээрээ та Монголын түүхэнд хараар бичигдэх болно гэдгээ бодож үзсэн үү. Үзээгүй бол одоо бодож үз. Тэгээд энэ ухаангүй шийдвэрээ даруйхан болиулах хэрэгтэй.

Дэлхийн хамгийн ухаалаг үндэстэн болох еврейчүүд хүүхдээ хэрхэн сургадаг тухай бид бишгүй л уншиж байв. Тэд хүүхдээ зургаан наснаас нь эхлэн том том номыг уншуулна. Уншуулаад зогсохгүй цээжлүүлнэ. Бага ангийн хүүхдүүдийн эцэг эх, тэр дундаа ээж нь илүү их хөдөлмөрлөх ёстой гэж сургууль нь шаарддаг. Америкт амьдардаг еврейчүүд хүүхдүүдээ сургах гэж тусгай сургууль байгуулдаг. Өөр бусад сургуульд хүүхдээ сургаж болох ч юм заадаггүй гэж үздэг болохоор өөрсдийнхөө стандарт сургалтаар хүүхдүүдээ сургах гэж байгаа нь тэр.

Америкийн бага, дунд сургуулиуд ч гэсэн анги бүр 3-4 түвшингээр нь хүүхдүүдээ хуваарилдаг байна. Жишээ нь, дөрөвдүгээр анги байлаа гэж бодоход математикийн хичээлээр дотроо дөрвөн түвшинтэй байх жишээтэй. Гоц сурлагатнууд нь нэгдүгээр түвшинд, гайгүй сайн сурдаг бол хоёрдугаар түвшинд, тоонд тааруу нь гуравт, бүр таг мэддэггүйнүүд нь дөрөвдүгээр түвшний ангид сууна. Түвшин бүрт хичээл заах арга барил өөр өөр байх нь тодорхой. Харин уран зохиолын хичээл дээр тоондоо таг хүүхдүүд нэгдүгээр түвшинд орж болно. Тэнд тогтсон нэг анги байхгүй бөгөөд хичээл тус бүр дээр өөр өөрийн түвшний хүүхдүүд нэг анги болдог байна. Энэ мэт тухайн хүүхдийн сонирхол, авьяас чадварыг нь үнэлж, түүнд нь таарсан арга барилаар хичээлээ заадаг. Манайд ингэж зохион байгуулахын оронд сайн хүүхдүүдийг дарж, нийтээр нь орк болгохоор шийджээ. Маш буруу бодлого гаргалаа. Орк гэдгийг хүүхдийнхээ хичээлийг хийлгэдэггүй, ажил хийдэггүй, хамаг цагаа facebook ухаж, телевизийн сериал үзэж өнгөрөөдөг хүмүүсийг хэлж байгаа юм.

Хүүхдүүд уралдаж, тэмцэж, олимпиадад орж, ялж ялагдаж сурах нь буруу биш. Нэг ангиас 1-2 хүүхэд тодорч бусад нь тэднийхээ бааз суурь нь болдог. Амьдрал дээр ч ялгаагүй, бүгд од болдоггүй, бүгд тэрбумтан болдоггүй, тэднийхээ бааз суурь, ажиллах хүчин, сайн боловсон хүчин, менежер нь болдог шүү дээ. Хал үзсэн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй. Улс орны хөгжил хүнийхээ чанараас шалтгаалж хөгждөг. Унаж босож, дийлж дийлдэж өссөн хүүхэд чанартай хүн болдог юм.

Ялалтын бахдал, ялагдалын гашуун нулимас хүнийг хатуужуулдаг. Үүнийг үзүүлэхгүй хэт халамжлах нь хүний чанарыг муутгадаг гэдгийг эцэг өвгөдийн сургаал бэлээхэн бидэнд хэлээд өгсөн байдаг.

Бидний хүүхдүүд харин ч багаасаа өөрийнхөө авьяас, хүч чадлыг мэдэрч өсөх нь олон давуу талтай. Доодхоо дээш нь татахын оронд гоц ухаантан, гойд сурлагатнуудыг доош нь дарсан бодлого гаргаснаа сайд маань мэдэж байгаа болов уу. Үүний оронд Бяцхан мисс, гүнж, ханхүү тодруулдаг, хэтэрхий хэлбэр хөөсөн шоу цэнгээний тоог хязгаарлавал илүү үр дүн гарч мэднэ. Ийм шоу цэнгээн харин хүүхдэд амар хялбарыг эрэлхийлсэн, нийгмээс бага хийж ихийг хүртэх гэсэн хүмүүсийг бий болгодог. Түүнээс хичээлдээ сайн хүүхдүүд сайн л хүн болдог юм даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Венесуэль тамыг Уго Чавес, Мадуро нар биш, Венесуэлийн ард түмэн бүтээсэн

Өмнөд Америкийн Венесуэльд ямархан үйл явдал өрнөж, юу болж байгааг дэлхий нийтээрээ харж байна. Цагтаа энэ улс газрын тосны олборлолтоороо дэлхийд тав дугаарт бичигдэн, АНУ, Европт нэрэх үйлдвэр байгуулснаар Өмнөд Америкийн хамгийн хүчирхэг эдийн засагтай оронд тооцогдож байлаа. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд есдүгээрт, Өмнөд Америкт нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Мөн төмрийн хүдэр, нүүрс, хөнгөн цагаан, алт, никель, алмааз эрдэнийн асар их нөөцтэй. 1950-иад онд нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн Баруун Германы хэмжээнд хүрч байв. Гуч гаруй сая хүн амтай, тэнгис далайгаар хүрээлэгдсэн, байгаль цаг уурын маш таатай уур амьсгалтай улс. Энэ бүхнээс харахад дэлхийд хөгжил дэвшлээрээ түрүүлдэггүй юм гэхэд ингэж там болтлоо дордохоогүй улс. 1990-ээд оны эхээр Венесуэлийн олон ангит “Халтар царайт” кино манайд гарч, хэн хүнгүй л хөгжилтэй сайхан орон юм гэж гайхдаг байсан сан. Ядуусын хороололд амьдардаг Халтар царайт л гэхэд тухайн үед бидэнтэй харьцуулашгүй догь амьдарч байдаггүй юу. Ямартаа ч тэр үед эдийн засаг нь өсөлттэй, хөгжиж буй орны тоонд орж байж. Өнөөдөртэй харьцуулахад тэр үед Венесуэль диваажин байжээ.

Одоогийн Венесуэлийг хар даа. Нэгэн цагт хөгжин цэцэглэж байсан энэ орон одоо амьдын там болон хувирсан байна. Тог цахилгаан тасраад хэзээ ирэх нь мэдэгдэхгүй болтлоо хяналтгүй болсон. Эмнэлэгт нялхас хэдэн зуугаараа эндэж байна. Хоол, ундны ус, эм тарианы хомсдолд орсноос өлсгөлөн гуйланчлал дээд цэгтээ хүрч, нийгмийн эмх замбараагүй байдал нүүрлэсэн. Хүнс хүрэлцээгүйгээс жилд венесуэльчүүд 11 кг турсан гэсэн тоо гаргасан байна. Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсанаас инфляци 2,7 сая хувьд хүрсэн гээд бодчих. Тэнд мөнгө зүгээр л хог болсон гэсэн үг. Шуудай шуудай мөнгөтэй байгаад ч юм авч хүрдэггүй. Хүний наад захын хэрэглээ болсон ариун цэврийн цаас хүртэл олдохоо больжээ. Өдгөө 30 сая хүний гурван сая нь өлсөж үхэхээсээ өмнө эх орноосоо дүрвэж гарчээ. Байдал ийм хэвээрээ байвал оны эцэс гэхэд дүрвэгсдийн тоо таван саяд хүрнэ гэж ажиглагчид үзэж байна. Гэтэл Олон улсын Валютын сангаас 2019 оны эцсээр Венесуэлийн инфляци 10 сая хувьд хүрч магадгүй гэж мэдээлжээ.

Муу, муухай дээрээ улцан гэгчээр төрийн эргэлтээр хоёр удирдагчтай болчихсон, хоорондоо талцан тэмцэж, ядарсан улсаа сүйрүүлж байна, тэд. Одоо тэнд байгаагаас хийрхсэн хэдэн поп улстөрчид, Уго Чавесын үргэлжлэл автобусны жолооч Мадуро нар л социализм байгуулах мөрөөдөлдөө итгэсэн хэвээр явна. Гэтэл венесуэльчүүд төдийгүй дэлхий нийтээрээ “Тийм сайхан байсан улсыг ийм муухай болгочихлоо” гэж Уго Чавес, Мадуро хоёрыг зүхэцгээж байна. Яг үнэндээ Венесуэль тамыг Уго Чавес, Мадуро нар бүтээгээгүй юм. Энэ тамыг Венесуэлийн ард түмэн өөрсдөө бий болгосон. Поп улстөрчид гарч ирээд баячуудын хөрөнгийг хураагаад “Энэ баялаг та нарынх. Ард түмэндээ хувааж өгнө” гэхэд тэд алга ташин дэмжээд л сууж байв. Ард түмэн зүгээр сууж байгаад бэлэн мөнгө авч жаргахын тулд мэдлэг, чадвар, боловсрол үл харгалзан автобусны жолоочийг сонгосоор байгаад өнөөдрийнхөө тамд өөрсдөө унацгаасан юм.

Үүн шиг үйл явдал манайд ч өрнөж байна. Бид хүний толгой дээрх өвсийг харж шаагилдаж байхын оронд өөрсдийнхөө толгой дээрх зэрлэг ургамлыг тасдаж хаях хэрэгтэй болж.

Гадаадын хөрөнгө оруулалттай уурхайг хаахаар Засгийн газрын хэрэг эрхлэхийн дарга нь цагдаа, тагнуулаа босгон зэр зэвсэг агсан очиход Фэйсбүүкийн оркууд дур тавин муурцгаасан. 30 гэр бүлийн хөрөнгийг хурааж, 400 уурхайн лицензийг төрд авч, өмч хувьчлалыг буцааж, баячуудын хөрөнгийг ард түмэнд хувьцаа болгон өгнө. Ард түмэн та нар минь ангайж идэцгээж, тонгойж чацга алдах л үлдлээ гэж хэлэхэд бүгд итгээд дэмжин орилолдож байна. Одоо тэднийг сонгох нь дамжиггүй.

Хөдөлмөрлөхгүйгээр хүнээр тэжээлгэхийн тулд хэнийг ч хамаагүй сонгож хэнээр ч хамаагүй төрөө тоглуулсаар байгаад Венесуэлийн ард түмэн өнөөдрийнх шиг байдалд хүрсэн нь үнэн. Энэ бүхэн ард түмний буруу юм. Ажил хийхгүй ангайж сууж байгаад баяжина гэдэг үлгэрт итгэгсэд байсан цагт, нэг хэсэг хүний хөрөнгийг хурааж нийтээрээ жаргана гэж попрогсод сонгогдсоор байвал улс орны хөгжил Венесуэлийнх шиг болох нь ойлгомжтой. Ийм болохгүйн тулд ард түмэн ухаалаг, хэрсүү байх хэрэгтэй. Ухаантнуудынхаа үгийг сонсож, ухаж ойлгож сурах ёстой. Хүн төрөлхтний түүхэнд хүний хөрөнгийг хураагаад нийтээрээ баян амьдарч байсан түүх байхгүй. Бид ч гэсэн хэдхээн жилийн өмнө бүх хөрөнгөө нийгэмчлээд ганц ч баян хүнгүй улсаараа жигд ядуу амьдрах нийгэм байгуулаад давхиж явлаа. Үр дүнд нь хуйгаараа хувхай хоосон болж, арай гэж тэрнээсээ салсан нь саяхан. Үүнийгээ монголчууд маань арай мартах болоогүй баймаар юм.

Гэвч сүүлийн үеийн нийгмийн байдал, үзэл суртал яг Венесуэль там бүтээх гэж байгаа мэт хардлага төрүүлэхээр байгаа нь Монголын сэхээтнүүдэд түгшүүрийн дохио болох ёстой. Барууны дэвшилтэт либерал үзэлтэй монголчууд нэгдэх хэрэгтэй. Попуудыг дагаж хошуурсан ард түмэн үеийн үед амаараа шороо үмхдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Эцсийн эцэст ард түмэн тамд зовох, диваажинд жаргах сонголтоо өөрсдөө хийдэг. Буруу сонголт хийвэл яадгийг өнөөгийн Венесуэлиэс харж болно.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэтхэгийн тэмдэглэл (III)

Түрүүч нь № 051, 052(6152, 6153) дугаарт


БИХАР МУЖ

Бурханы шашинт монголчуудын зорьж очдог ариун дагшин газруудын нэг бол Энэтхэгийн Бихар мужид орших Бодьгаяа юм. Тийш очихын тулд нийслэл хотоос онгоцоор Патна хот хүрэх бөгөөд Бодьгаяа хүртэл автобусаар дахин 6-8 цаг явна. Энхэл донхол бүхий замаар дэржигнүүлэн давхих зуур энэ нутгийн хүмүүсийн ахуй амьдрал алган дээр тавьсан мэт тодхон харагдаж байв. Арга ч үгүй юм, замын хажуунаас залгаад л түжигнэж бужигнасан амьдрал эхэлж, хотоос хот хүртэл огтхон ч тасрахгүй үргэлжилнэ. Энэтхэг кастын систем буюу баян ядуугаараа ангилагдан тусгаарлагдсан орон. Баян, хоосны ялгаа үлэмж. 200 шахам сая хүн үгээгүй ядуу амьдарч байхад дэлхийн тэргүүн баячуудын тоонд 90 гаруй энэтхэг хүн багтдаг.

Бихар муж бол хөгжил буурай, хүмүүсийнх нь амьдрал ч ядруу. Төв замынхаа хоёр талаар тасралтгүй ил задгай зах үргэлжлэх бөгөөд чихэр жимс, хувцас хэрэглэл, түргэн хоол гээд байхгүй юмгүй. Түргэн хоолны тогооч нь хоолны хачир энэ тэрээ гараараа атган таваглана, өнөөдүүл нь ч хуруугаараа сэрээдэн идэж харагдана. Замын тоос шороо, эргэн тойрон хөглөрөх хог новш, нааш цааш сүлжилдэх олон хүмүүсийн алхаа гишгээ гээд залхмаар адилхан дүр төрх эрээлжилнэ. Хэсэг яваад энэ байдал арай өөрчлөгдөн, орон сууцны хороололд ороод ирэв. Хоёр давхар навсгар байрыхаа нэг давхарт өнөө л худалдаа арилжаагаа хийж байгаа хүмүүс. Хүний олноор арилжаа наймаа нь давгүй явдаг биз. Зарж борлуулж буй бараа нь тоос шороонд дарагдсан ч тоох юм алга. Ийм л дүр зураг бүтэн зургаа долоон цаг нүдний өмнүүр жирэлзэнэ. Багахан чөлөөнд ногооны талбайнууд харагдана. Харин хаа сайгүй үнээгээ хөтөлсөн харчууд харагдах бөгөөд зарим нь сааж сууна. Үхэр бол энэтхэгчүүдийн бахархал, сахиус нь гэсэн үг. Тэд энэ оноос үхрийг нь хэн нэг нь хөнөөх, хохироохоос сэргийлэх зорилгоор паспорт олгох аж. Паспортод тухайн үхэрний нас хүйснээс гадна цусны шинжилгээ ч байх тул хуурамчаар хийхэд тун хэцүү болсон байна. Энэтхэгт лалын шашинт үндэстэн цөөнгүй бий. Тэдний хувьд үхэр бол мал, мах. Гахайн мах хориотой тул лалын шашинт энэтхэгчүүдийн гол хүнс үхэр. Харин хүн амын ихэнх болох индусүүд сүүг нь ашигладаг ч үхрийг хүнсэнд хэрэглэх, арьсыг нь зарж борлуулахыг эрс хориглодог. Үндэстэн хоорондын зөрчилдөөний нэгэн гол асуудал болсон үхрийн асуудлыг ийнхүү паспортоор шийдэхээр болжээ. Энэтхэг 40 сая үхэртэй. Тэднийг паспортжуулах ажилд найман сая доллар зарцуулна гэсэн мэдээлэл байна. Энэ улсад үхрийг хамгаалаад зогсохгүй бүх талаар нь судлан шинжилдэг. Энэтхэгийн Засгийн газарт үхэр сүргийн асуудлыг шийдэх, судлах тусгай хороо байдаг нь 19 хүнтэй. Тийм болохоор үхэр нь бараг л хүнээсээ дутуугүй хангамжтай. Өвс, усыг нь бэлдээд тавьчихсан, гоёмсог хүзүүвч хийчихсэн байв.

Патна хотоос биднийг буутай цагдаа нар замчилж Бодьгаяа хүргэсэн бөгөөд зам зуур зогсож зурах авах төдийд нутгийнхан эвэртэй туулай үзсэн мэт нүд салгалгүй ширтэх нь эвгүйцэм. Оройхон гудамж талбайд гэрэл анивчан, хөнгөн хөгжмийн ая үсчин, саари өмссөн бүсгүйчүүд, хүдэр борог эрчүүдтэйгээ диско бүжиглэх нь мэр сэр тааралдах болов. “Хурим болж байна” гэж хөтөч маань товчхон сонирхууллаа. Маш цомхон хүрээнд, тэрүүхэн хавьдаа цөөхүүлээ бүжиглэх бөгөөд гудамжны нөгөө талд худалдаа наймаа үргэлжилсээр байсан. Энэтхэгийн заншлаар хуримын ёслолоор эхнэр нөхөр хоёр дараагийн долоон үеийн амьдралаа холбож байгаа гэж итгэдэг тул ёслолыг маш өндөр зэрэглэлд зохион байгуулахыг хичээнэ. Хэрэв эхнэр нь нөхрийнхөө ирээдүйг тодорхойлдог хэмээн үздэг. Эхнэр нь нөхрийнхөө эрүүл мэнд, сэтгэл хангалуун байлгах нөхцөлийг хангах үүрэгтэй. Эхнэр хүн нөхөртөө муу хандах, сэтгэл дундуур байгаагаа харуулж нөхрийнхөө сэтгэлийг зовоож болохгүй. Хэрвээ нөхөр нь өвчнөөр эхнэрээсээ өмнө нас барвал эхнэр хүн бүх гоёл чимэглэлээ авч, үхэн үхтлээ гашуудал зарладаг. Бэлэвсэн эхнэрүүдийг ямар нэг арга хэмжээнд хэн ч урихгүй, нийгмийн байр суурь хамгийн доод түвшинд тооцогддог гэдэг. Ингэж явсаар бид Бодьгаяад ирлээ.

БОДЬГАЯА

Гэгээ орох төдий үнэгэн харанхуйгаар бид Махабоди сүм руу хөдөллөө. Бурхан багш одоогоос 2500 жилийн өмнө Бодьгаяа буюу Очирт сууринд Бодь модны дор суун, 35 настайдаа төгс гэгээрлийн хутгийг олжээ. Бурхан багшийг гэгээрэлд хүрэх үеэр биеэс нь их гэрэл цацарч, түшин суусан Бодь модноос бусад бүх мод шатсан домогтой. Энэхүү газрыг тэмдэглэн Их бодь суварга буюу Махабоди суваргыг эрдэмт Ашока хаан босгосон гэдэг.

Үүр дөнгөж хаяарахаас эхлээд Бурхан багшийн гэгээрсэн энэхүү Бодь мод, ариун суварганы зүг сүсэгтэн олны хөл тасралтгүй урсана. Үүд хавиар зарах цэцгэн мандлыг олон хүн гартаа барж, суварганд өргөж байлаа. Махабати суварганы гол хаалгаар оруут Бурхан багшийн алтадсан дүр угтана. Чанга яригчаар бурханы номыг нэгэн жигдээр тасралтгүй унших бөгөөд анхилам хүжийн үнэр хаа сайгүй тархжээ. Түүнээс гараад суваргыг нар зөв гороолон тойрвол лам нар хэсэг хэсгээрээ газарт завилан сууж уншлага номоо эхэлсэн байв. Үнэн сүсэг бишрэлтэй хүмүүс сунаж мөргөн урагшилна. Тэнд бүх хүн гутлаа тайлж орох ёстой.

Махабоди сүм нь 10 мянган ламтай. Сүмийн дэргэд түмэн зүйлийн шувуу жиргэсэн том нуурыг хашаалсан байх бөгөөд нуурын дунд Бурхан багшийн дүрийг могой ороосон байдлаар залжээ. Учир нь Бурхан багш бясалгал хийж байх үеэр айхавтар үер болсон бөгөөд тэр үеэр түүнийг могой хамгаалж байсан гэдэг.

Сүмээс гарч ирэгсдийг гараа тоссон сарвайсан хүмүүс, юухан хээхнээ үнэд хүргэх гэсэн наймаачид хуйлран тосно.

Ариун дагшин байдал, итгэл, шүншиг илтэд нэвт шингэсэн Бодь мод, Махабоди суваргад мөргөх нь дэлхийн бурханы шашинтнуудын туйлын хүсэл байдаг. Тиймдээ ч сүсэг нэгт олон түмнээ цагийн цагт мөнхөд соронздон далласаар байдаг биз ээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхий сайд болсноосоо хойш Азийн Бурханы шашинтай орнуудад түлхүү айлчлал хийж байгаа бөгөөд үүнийгэээ “Будда дипломаси” гэж нэрлэдэг. Бурхны шашнаар дамжуулан Бурхан багшийн ариун дагшин газрууд байралдаг Энэтхэгийн хамгийн буурай хөгжилтэй газруудад хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа аж.

Монголчуудын хувьд ч Энэтхэг орныг бурханы шашны өлгий нутаг хэмээн хэдийнээсээ сүсэглэсээр ирсэн. Өдгөө шашин номын үйл хэргээс гадна хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам л өргөжин тэлсээр байна. 2015 оны тавдугаар сард хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хэмээн зарлажээ.

Хамтын ажиллагааны заримаас нь дурдвал, хоёр улсын Засгийн газар “Дипломат, албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”-ийг 2005 онд байгуулсан байна. Монгол, Энэтхэгийн соёлоор харилцах нийгэмлэг 1959 онд байгуулагдаж, 1990 онд Монгол, Энэтхэгийн найрамдлын нийгэмлэг болон шинэчлэгджээ. Энэтхэгийн соёлын төв Улаанбаатарт 1992 оноос үйл ажиллагаа явуулж, энэтхэгийн соёл, урлагийг монголчуудад сурталчилж, хүүхэд залуучуудад хинди хэл сургаж байна. Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр 150 төрийн албан хаагчийг Энэтхэгт төрөл бүрийн богино хэмжээний сургалтад хамруулдаг. Энэтхэгийн соёлын харилцааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр 25 хүртэлх оюутныг бакалавр, магистр, докторын сургалтанд хамруулах боломжтой ажээ.

Цаашид хоёр орны улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын салбар, олон нийтийн байгууллага болон эдийн засгийн харилцааны цар хүрээ улам нэмэгдэн гүнзгийрэх нь дамжиггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Энэтхэгийн тэмдэглэл

Манай наймдугаар сар шиг налгар халуун өдрүүд Энэтхэгт үргэлжилж байна. Өдөртөө 20-25 градус халуун. Шөнөдөө +10 гаруй градус болохоор оройхондоо цамц давхарлаж өмсөх ч хэрэг гарна. Нэг, хоёрдугаар сар бол тэндээ сэрүүний улирал нь. Хамгийн халуун үе нь тавдугаар сард 50 градус хүрч халдаг гэж байгаа. Харин Гималайн нурууны нутгаар жилийн турш сэрүүн, өвөлдөө хүйтэрч цас ордог. Цаг агаар нь ийм сайхан тааламжтай цагаар Шинэ Делид ирлээ. Хэт халууны улиралд нь ирвэл бие хямарч тавгүйтдэг гэсэн. Тийм зовлон алга. Дели бол Мумбайг бодоход хавьгүй цэвэр тансаг хот юм. Замын түгжрэл бага. Өнөө гурван дугуйтын өнгө нь ногоон болж өөрчлөгдсөн болохоос хамгийн өргөн, хүртээмжтэй унаа хэвээрээ. Хаа сайгүй сүлжин давхилдах тэрхүү унааг хүлэглэж үзэх хүсэл байсан болохоор жаахан зав гаруут дөрвүүлээ нийлж аваад суув аа. Үнэ хөлсийг нь жолоочтойгоо тохиролцоно. Бидэнд тун найрсаг жолооч таарав уу яав, хаана ч хүрсэн 20 рупийгээр хүргээд өгье гэв. Энэ нь монгол мөнгөөр 800 төгрөгөөр чамгүй хол давхилаа. Гэтэл буруу замаар явж байсан уу яасан, жолооч маань хотын төвийн өргөн урсгалыг сөрөөд давхидаг байна шүү. Өмнөөс дөрөв таван эгнээгээр машинууд юу юугүй тулаад ирдгийн даваан дээр амжиж нөгөө урсгал руугаа оров. Бид л сандраад байсан болохоос байдаг л үзэгдэл бололтой, жолооч залуу салхи сэнгэнүүлэн тоох ч үгүй давхина. Тэгж тэгж очих гэсэн газраа хүрлээ. “Та нарыг хүлээж байх уу” гэж байна. “Өөрөө мэд” гэчихээд хоёр цаг гаруйн дараа гарч ирэхэд өнөөх маань арилаад өгчээ. Дахин гурван дугуйтад сууж аваад түрүүчийнхийг бодвол маш ойрхон газар явахад 80 рупи авлаа. Энэтхэгтгадныхан андашгүй тод гэгээтэй харагдана. Жуулчдын автобус хараад хүүхдүүд замын голд ч хамаагүй гүйлдэн ирж нугарч, гар хөлөө эргүүлэн бүжиглэж байгаад гараа тосно. Тэдний гунигтай гэмээр гүн хар нүд хэн хүнийг халаасаа тэмтрэхэд хүргэнэ. Орой үдэш бол хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд улаан цайм татаж чангаан мөнгө нэхэн хоргоох юм билээ. Энэтхэг эмэгтэйчүүдийг би кинонд гардаг шигээр нь, ганган хээнцэр, хачин царайлгууд байгаа даа гэж бодож байв. Харин гудамж талбайгаар тийм хүнээ хайгаад олоогүй ээ. Эрчүүд голдуу л харагдана. Боровтор царайтай, сааритай бүсгүйчүүд бол байсаан байсан. Саари гэснээс Энэтхэг даавуугаараа алдартай. Бүр Даавууны яам хүртэл байдаг. Тиймдээ ч тэрбум гаруй хүн амтай энэ улсад эмэгтэйчүүд нь бүгд үндэсний хувцас саари өмслөө гэхэд ижил өнгө, ижил загвар давтагддаггүй гэсэн яриа бий. Монголын сэтгүүлчдийн баг Энэтхэгийн Уул уурхайн яаманд зочиллоо . Ба с л баахан буутай цэрэг цагдаагаар шалгуулан дотогш нэвтэрсэн бид коридороор нь зөөлөн хивс дэвссэн тав тухтай орчинд орчих юм бодож явсан нь талаар болов. Яамны барилга маш том бөгөөд эртнийх бололтой. Гаднах өнгө төрх нь бороонд угаагдсаар байгаад тийм болсон уу гандаж онгосон харагдана. Дотор тал нь мөн адил, олон хүний орж гарсан хөлийн мөрөөр элэгдэж хуучирчээ. Адилтгавал манай Урт цагааны байртай тун төстэй. Энд ч нэг халцархай, тэнд ч цахилгааны утас орооцолдон бөөгнөрч хэвтэнэ. Гэхдээ энэ байранд дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө тавдугаар байрт ордог хүчирхэг улсын уул уурхайн бодлого зангилагдаж, тэр чигийн шийдвэрүүд гарч байдаг. Ямартаа л бид “юунд суух нь гол биш юу хийх нь чухал юм байна” гэж ярилцаж байхав. Манай яам тамгын газрын дарга нар өөрсдийнхөө тав тухыг бодож өрөөгөө тансаг тавилга, хэрэглэлээр өвч бүрж, өөрийгөө л бодож амьдардаг. Гэтэл тэнд ёстой эсрэгээрээ, юун тав тух, хүмүүс бужигнаж, зав чөлөөгүй л ажиллаж байх юм. Энэтхэг бол уул уурхайн баялаг ихтэй орон юм. Ер гаруй төрлийн газрын баялаг боловсруулдаг. Дотооддоо нүүрс, цемент, төмрийн хүдэр, мангани, боксит, хром, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн их хэмжээгээр үйлдвэрлэдэг. Нефтийн хэрэгцээний 40 орчим хувийг дотооддоо олборлодог. Томоохон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй нь ган болон төмрийн хүдрийг боловсруулахад хэрэглэгдэх коксжих нүүрсний хэрэглээг эрс өсгөх, дээрх түүхий эдийг импортлох хэмжээ нэмэгдэхээр байна. Түүнчлэн цэвэр эрчим хүчний хувь хэмжээг нэмэгдүүлэх, эх үүсвэрийг төрөлжүүлэх тал дээр эрчимтэй ажиллаж, сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 1000 мегаваттын станц барих , энхийн зориулалтаар буюу цөмийн цахилгаан станцуудын тоог нэмэх, мөн АНУ-тай цөмийн эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангах, Австрали улсаас уран авах гэх мэт ажлуудыг эрчимтэй явуулж байна. Тэд өөрт нөөц багатай түүхий эдээ гаднаас авдаг. 2015 оноос энэ салбарт бодит утгаар нь шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд уул уурхайн яамны үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болжээ. Тухайлбал, ашигт малтмалын лиценз авах гэвэл хамгийн түрүүнд өргөдлөө өгч чадсан бол асуудалгүй. Хэн түрүүлж хандсанд нь өгдөг болж. Гэхдээ лиценз авах компаниуд нөхөн сэргээлтээ ингэж хийнэ гэх мэтээр хамгийн сүүлд хийх ажлаа хамгийн түрүүнд тайлагнах учиртай. Тэрийг нь төрийн байгууллага болон олон нийт хараад хяналт тавих боломж бүрджээ. Лизенз шинээр авах гэж байгаа хүнд 45 хоногийн дотор олгодог гэнэ. Хүнд суртал, авлига хээл хахуулийн эсрэг ч дорвитой ажиллаж байгаа гэлээ. Уул уурхайн компаниудад Засгийн газар нь 1-5 од өгдөг, таван одтой компаниудаа шагнаж урамшуулдаг ажээ. Уул уурхайн яаманд танилцуулга хийж байх үеэр “Энэтхэг улс Монгол Улсаас лити авах сонирхолтой байдаг” гэдгээ уламжилж б а й в . Засгийн газар нь манайд энэ хүсэлтээ илгээж байсан ч дахин шинэ Санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа юм байна. Энэ дашрамд сонирхуулахад Лити нь металлууд дундаас хамгийн хөнгөн, өвөрмөц металл. Энерги хуримтлуулах чадвараараа бусад металлаас хамгийн сайндаа ордог. Орчин үеийн ухаалаг гар утас, электрон багажнууд дахь бүх цэнэглэгддэг батарейн үндсэн түүхий эд нь лити байдаг. Сүүлийн үед Америкийн алдартай “Тесла” групп цахилгаан машин ихээр үйлдвэрлэж байна. Тус цахилгаан машины батарейд литийн металл чухал хэрэгтэй элемент болж байгаа. Литийн хэрэглээ огцом нэмэгдэж байгаа учраас ойрын жилүүдэд эрэлт нь огцом өсөх төлөвтэй байгаа ховор баялаг юм. Нэг тонн литийн карбонатын үнэ 6-9 мянган ам.долларын үнэтэй байгаа. Эрэлт өсч байгаа учраас үнэ нь илүү нэмэгдэх магадлал өндөр юм. Уул уурхайн яаманд эмэгтэй ажилтнууд тун цөөн юм. Ер нь төрийн яам, албан газар төдийгүй хувийн хэвшилд эмэгтэй хүн цөөн харагдах нь эмэгтэйчүүд гэртээ үр хүүхдээ өсгөн, хань нөхрөө халамжлах ёстой гэсэн уламжлалт ойлголттой нь холбоотой. Яаманд цай, кофе зөөх туслахууд хүртэл нь дандаа л нас тогтсон харчууд байх. Эрчүүд нь жинхэнэ утгаараа бүх салбарт ноёлон ажилладаг юм байна. Энэтхэг бол том зах зээл. Харин Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, чөлөөт худалдааны гэрээ байгуулахад болохгүй юмгүй гэсэн үгийг албаны хүмүүс ярих юм билээ. Ховор ашигт малтмалаас гадна нэг төрлийн хүнсний буурагт ургамлыг Монголд тариалах боломжтой гэж байсан. Тэр нь сэрүүн газар илүү сайн ургадаг гэж байсан. Яамны гадаах модон дээр сармагчингууд дээш доош харайж, зүүгдэж тоглоно. Ганц нэг нь дотор коридорт гүйж яваа харагдсан. Тэд өөрсдийг нь сонирхон, ойртож очвол хазаж ноцож ч мэдэх муухай ааштай амьтад гэнэ. Зөвхөн сармагчинд хазуулсан хүмүүс очдог эмнэлэг бий гэхээр ийм хэрэг чамгүй их гардаг нь тодорхой. Энэтхэгийн хэвлэл мэдээллийн боловсон хүчнийг бэлтгэдэг гол бааз болох Мэдээлэл харилцааны институтээр орлоо. Тус сургуулийг 1965 онд ЮНЕСКО-той хамтарч олон нийтэд мэдээлэл түгээх ажилтан бэлтгэх зорилготой байгуулагджээ.1969 оноос гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг сургадаг болжээ. Өдгөө дэлхийн 128 орны хэвлэл мэдээлийн ажилтнууд суралцаж байгаагийн дотор Монголын сэтгүүлчид ч сурч төгссөн гэв. Энэтхэгийн алдартай сэтгүүлчдийн дийлэнх нь энэ сургуулийн төгсөгчид. Сургуулийн захирал нь нь алдартай сэтгүүлч хүн аж. Сүүлийн үед энэтхэгчүүд контент зурган мэдээлэл маш их сонирхдог болжээ. Камераар биш, ухаалаг утас ашиглаж мэдээлэл хүргэдэг сэтгүүл зүйн шинэ төрөл түрэн орж ирсэн. Үүнтэй уялдаад “Мобайл сэтгүүл зүйн” шинэ төрлийн сургалтыг явуулж эхэлсэн гэж захирал танилцууллаа. Засгийн газраас хоёр телевиз, нэг агентлагийг санхүүжүүлдэг. Харин хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Засгийн газраас реклам зар сурталчилгаа олж өгдөг гэсэн нь их содон сонсогдож байв. Энэ нь мэдээж хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд маш том хөрөнгө оруулалт болдог аж. Энд нэг зүйл сонирхуулахад, ирэх наймдугаар сараас Энэтхэгийн засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр гадаадын хэвлэл мэдээллийн ажилтан , сэтгүүлчдэд зориулан гурван сарын сургалт хийхээр төлөвлөжээ. Хэрэв энэ сургалтад хамрагдахыг хүсвэл Монгол дахь Энэтхэгийн ЭСЯ- аар дамжуулан онлайнаар холбогдож бүртгүүлэх хэрэгтэйг зөвлөв. Гагцхүү англи хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг байна. Орчин үед нийгмийн сүлжээ болон цахим хэвлэл хүчтэй хөгжиж, энэ талын мэдээлэл түлхүү орж ирж байгаа. Тэгвэл энэтхэгчүүд цаасан хэвлэлийг илүүтэйд үзэж сонгож байгаа гэв. Өөрөөр хэлбэл, олон хэлээр хэвлэгддэг өдөр тутмын сонингууд эрэлт ихтэй байдаг ажээ. Бяцхан статистик дуулгахад, эндхийн кино болон хэвлэл мэдээллийн салбарт 4.5 сая хүн ажилладаг. Долоон мянга гаруй сонин хэвлэлтэй, есөн мянга гаруй телевизтэй, үүний 440 гаруй нь зөвхөн мэдээллийн суваг аж. Зөвхөн өдөр тутам гардаг мянга гаруй хэвлэл бий гэнэ. Хэвлэл мэдээллийн яамтай бөгөөд яамны харьяа хоёр телевиз нь Засгийн газрын мэдээллийг гол болгож олон нийтэд түгээдэг байна. Гудамжны түргэн хоолны үйлчилгээ Энэтхэгт нэлээн сайн дэлгэрчээ. Жижигхэн лангуу байхад л хангалттай. Тэнд махны машинаар элдэв төрлийн жимс машиндаж, шинэхэн жүүс гаргаад өгнө. Гамбир дээр нэг халбага карритай сүмс дусаагаад ч өгч байх шиг. Юу л бол юу тэндээс авч идэх боломжтой. Дэргэдээ томоо түмпэнтэй ус тавьчихсан аяга тавгаа угааж харагдана. Усны байдлаас харахад ойрын хэдэн цагт солиогүй бололтой булингартана. Тэглээ гээд үйлчлүүлэгчид хэл ам гаргахгүй, бүр тоох ч үгүй захиалга өгнө. Биднийг гудамжнаас ил залгай зарж байгаа зүйл авч идэж болохгүй гэж захиж байв. Учир нь биед дасаж дадаагүй хоол хүнс хэрэглэхээр амархан хордлого авдаг гэнэ. Гудамжнаас нь аяга ус авч уугаад эмнэлэгт хэвттэлээ хордлого авсан хүн нэлээн байдаг болохоор ийн сэрэмжлүүлж байгаа хэрэг. Тэндхийн эрчүүд оройн хоолныхоо өмнө өөрийн улсын хийдэг вискийгээ хүртэнэ. Пиво нь гойд сайн гэх юм билээ. Мөн манайхаар бол шимийн архи гэмээр идээ нь их алдартай. Тамир тэнхээ суулгаж, ядаргаа тайлдаг идтэй тэр умдаа 40 хувийн алькохолтой гэхээр нэлээн чанга эд аж. Бүсгүйчүүд нь архи дарс хэрэглэдэггүй гэх ч нас тогтсон сэтгүүлч эмэгтэй вискийг дажгүй сайн залж, бидэнтэй нэгэн оройг өнгөрүүлсэн билээ.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэтхэгийн тэмдэглэл

Мумбай хот

Нохой хуцах дуунаар сэрчихэв. Хөдөө гэртээ унтаж байгаа ч билүү гэх нойрмог бодлоо үргээн цонхны хөшиг нээхэд Мумбай хотод дөнгөж үүр хаяарч байлаа. Чийглэг халуун агаарт бүүвэйлэгдсэн мөнх ногоон модод өглөө эртийн гудамжинд сүглийн харагдана. Алсад далайн хөвөө, усан онгоцны дүрс бүдэг бадагхан сүүмэлзэх нь зүүд мэт.

“Энэтхэгт золбин нохой их байдаг. Болгоомжтой яваарай” гэж эндэхийн амьдралыг сайн мэдэх хүний хэлсэн үг нохой харах бүрт санаанд орно. Нээрэн ч тэнд нохой шиг эрх дураараа амьтан алга гэлтэй. Хаа сайгүй ганц нэгээрээ, хэсэг бүлгээрээ тааралдана. Зарим нь эрхлэн хөл долоож налж унах гэнэ. Зарим нь хэрэлдэж зодолдож бүхий л авираа гаргана. Тэдгээр эрх дураараа амьтдын нэг л өглөө эртийн цагаар Мумбай хотыг ийн сэрээж байгаа бололтой.

Өнгөрсөн онд БНЭУ-ын Гадаад харилцааны сайд Монголд айлчилж ирэх үеэр Д.Цогтбаатар сайд санал болгож, жил бүр хоёр орон сэтгүүлчдийг багийг харилцан урьж байхаар болжээ. Үүний эхлэл нь болж Монголын хэвлэл мэдээллийн баг Энэтхэгийн Засгийн газрын зардлаар очоод буй нь энэ юм. Бидний аялал Мумбай-Шинэ Дели-Патна гэсэн маршрутын дагуу үргэлжилсэн юм.

Хүүхдүүд музей үзэхээр явж байгаа нь

МУМБАЙ

Мумбай хот бол Энэтхэгийн худалдаа, эдийн засгийн төв нь. 24 сая хүн амтай нүсэр том хот. Тэнгэр баганадсан орчин үеийн хэв загвар бүхий шилэн барилгуудаас эхлээд ноорхой цоорхой загасчдын хотхон эн зэрэгцэн оршино. Арабын тэнгисээр хүрээлэгдсэн энэ хотын иргэд айвуу тайван. Ер нь энэтхэгчүүд их тайван амгалан хүмүүс санагдсан. Яарч тэвдэж, сандарч агдсан хүн тэнд цөөн. Цаг агаарын байдал, мөнхийн халуун уур амьсгал нь ч хүмүүсийг ийм налгар тайван болгодог болов уу. Хилийн шалган нэвтрүүлэхийн ажилтнуудаас эхлээд дэлгүүрийн худалдагч нь хүртэл бүр нэг налайсан тайван. Хоорондоо юу ч юм ярьж инээлдэнгээ л ажиллана. Манайхан шиг яаруу хүмүүс бол “хурдлаач ээ” гэчихмээр. Харин Мумбайд ч, Делид ч, Патна хотод ч жолооч нар сигналаа хайр найргүй дарахыг чихээ дөжиртөл сонсож явав. Өнгө өнгийн дуут дохио тал талаас хангиана. Орчин үед хүн тэрэг жагсаалаас гарч хаалга, цонх онгорхой гурван дугуйтууд сүнгэнэлдэх болжээ. Мопед, дугуй ч эндхийн гол унаа нь. Үндэсний саари гэх даашинзаа өмссөн бүсгүйчүүд мопедний ард сундалдчихсан, үс гэзэг, өнгө алаг хувцсаа хийсгэн хийсгэн давхина. Нийтлэлч Б.Золбаярын “Уйтан дорнын талст” нэртэй Энэтхэгийн тэмдэглэлд “…Тийн жондойн суусан махлаг хүүхнүүдийн саарины нь ухлаадсаар хөрслөг хөх хар сүвээ зурваслах нь гэгээгүй. Төдийлөн сэтгэл эс татам сүвээгээ тийнхүү сэрүүцүүлж ч юм уу, гандааж явах бүсгүйчүүд бол харьцангуй намба сууж, эр нөхөрт гарсан нь юм болов уу гэмээр ажиглагдана” гэсэн үгс санаанд орж, инээд хүрч явлаа.

Мумбай хотод асуудал болж байгаа зүйл нь замын түгжрэл. Ачаалал ихтэй цагуудад бол манайх шиг таг зогчих болтой юм билээ. Харин дуут дохио хангинуулан давхилдах тэд осол бага гаргадаг. Хэд хоноход замын осол, шүргэлцсэн мөргөлдсөн зүйл л харагдсангүй. Нэг их дүрэм журам мөрддөггүй юм гэхэд тэндхийн жолооч нар цахилгаан товчны зарчмаар замын хөдөлгөөнд оролцдог нь их аятайхан санагдлаа. Нэг нь хүлээж, нэг нь орж гэх мэтээр тасралтгүй урсана.

Мумбай хотын төвд хаа сайгүй замын ажил хийж байна. Хэдэн хороолол дамнасан том том гүүрний ажил үргэлжилж, шинэхэн барилгууд хаа сайгүй сүндэрлэж байна. Манай гэр хорооллын барилгажилт гэдэг шиг өнөө ноорхой загасчдын хотхоныг шинэ барилгууд эзэлж байгаа нь илт, хаяа залган орон сууцны барилгууд барьж байна лээ. Зарим нь аль хэдийнэ ашиглалтад орсон, зарим нь удахгүй орох бололтой. Энэтхэг айлуудын тагт хэлцсэн юм шиг эрээн алаг. Учир юув гэвэл тагтан дээрээ хувцасаа хатаадаг. Халаалт энэ тэр гэсэн юм байхгүй, тэгээд ч чийглэг болохоор дотор хэрийн юм хатдаггүй юм билээ. Тийм болохоор байрнуудын тагт тэр чигтээ угаасан хувцас. Заримдаа замын хажуугийн хашаан дээр хүртэл хувцас, хөнжил гудсаа тохсон харагдана. Энэтхэгийн гудамжинд “Clean India” гэсэн самбар хаа сайгүй тааралдана. Улс даяар ийм төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд төрийн болон хувийн байгууллага маш олон ажил хийж байгааг бид сонсож явлаа.

ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэтхэгийн Хөрөнгийн бирж нь үйл ажиллагаа, цар хүрээгээрээ дэлхийд хоёрт ордог бөгөөд Мумбай хотод байрладаг. Азийн хамгийн ууган бирж юм байна. Хөтөлбөрийн дагуу энэ байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм. Танилцуулгын үеэр “Энэ хөрөнгийн бирж бол энэтхэгчүүдийн үндэсний бахархал. Манай улсад ирж байгаа олон улсын бүхий л хөрөнгө оруулалтын урсгал Хөрөнгийн биржээр дамжиж орж ирдэг” гэж байв.

1994 оноос Энэтхэгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаа идэвхжин сэргэсэн бөгөөд ийм иж бүрэн шинэчлэлийн бодлогын үр дүнд өдгөө дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэглэх хэмжээнд хүрчээ. Хамгийн түрүүнд технологийн шинэчлэл хийсэн нь маш олон хүнд хүрч чаджээ. Тухайлбал, хүмүүст заавал суурин комьпютер ашиглах бус энгийн гар утаснаасаа нэвтэрч орох боломжийг нээж өгсөн байна. Мөн бүх мэдээллийг ил тод, тодорхой болгосон учраас зах зээл өргөжин тэлэхэд гол нөлөө үзүүлсэн гэв. Хөрөнгийн биржид төр хувь эзэмшдэггүй аж. Тэд Америк, Европ, Азийн бүхий л том том биржүүдтэй хамтран ажилладаг гэнэ.

Энэтхэгт компанийн нийгмийн хариуцлагыг хуулиар зохицуулж өгсөн байдаг гэнэ. Сүүлийн гурван жилийн орлогын хоёр хувийг нийгмийн сайн сайхан ажилд зориулах учиртай. Хөрөнгийн биржийн хувьд ашиг орлого нь үргэлж нэмэгдэж байгаа болохоор нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ажлын цар хүрээ ч өргөжжээ. Эдний хувьд байгаль орчин, ундны цэвэр ус, сургуулийн өмнөх боловсрол, ахмадын асрамж зэрэг асуудлаар хамгийн алслагдмал хягзаар нутагт хүрч ажилладаг, түүнийг хариуцдаг алба хүмүүстэй ажээ. “Clean India” төслийн хүрээнд “угаалга” арга хэмжээг зохион байгуулдаг. Охидын хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч санаа тавьдаг гэнэ. Энэ мэт хийсэн ажлаа бишгүй тайлбарлаж ярилаа. Хөгжлөөс хол, ядуу буурай хүмүүстээ харамгүй тусалдаг юм байна. Гэлээ гээд нэг тэрбум 300 мянга шахам хүний асуудлыг нэг мөр шийднэ гэж байхгүй. Асуудал маш их бий нь ажиглагдаж л явлаа. Харин түүнийг алхам алхамаар, бага багаар шийдсээр яваа ажээ, энэ улс.

“Film city” хотхоны зураг авалтын нэг хэсэг нь

БОЛЛИВУДЫН КИНО ХЭРХЭН БҮТДЭГ ВЭ?

Энэтхэгийн кино, алдартай жүжигчдийг манайхан сайн мэднэ. Баян тансаг орд харш, царайлаг нуруулаг залуус, бүсгүйчүүдийг нь бид киноноос л хардаг. Эх оронд нь очоод Болливудад киногоо хэрхэн хийдгийг сонирхон үзлээ.

Энэтхэг соёлыг хамгийн ихээр түгээж чадаж буй нэгэн чиглэл бол Энэтхэгийн кино урлаг, шоу бизнесийн салбарын хөгжил юм. Энэтхэгийн кино үйлдвэрлэл салбартаа дэлхийд хамгийн том нь бөгөөд жилдээ дунджаар 1000 орчим кино үйлдвэрлэн гаргадаг байна. Энэ нь Холливудын кино үйлдвэрлэлийн хэмжээнээс гурав дахин их үзүүлэлт бөгөөд Хятад, АНУ-ын дараагаар орох дэлхийн гурав дахь том телевизийн зах зээлтэй улс юм.

Мумбайд байх “Film city” хэмээх маш том хотхонд энэтхэг киноны зургийг авдаг. Уул, ус, мод, цэцэг гээд байхгүй юмгүй энэ хотхон харуул хамгаалалт сайтай, хэр баргийн хүнийг нэвтрүүлдэггүй. Тэнд төв оффисоос нь гадна амьдралын бүхий л үйл явдлыг харуулах зорилго бүхий маш олон байгууламж барьжээ. Маш том гоёмсог хаус, цагдаагийн газар, хурим найр хийх сүм дугана, шоронгийн цайз, эртний тосгод гээд байхгүй юмгүй. Гэхдээ тэдгээр байгууламжийг хямд төсөр зардлаар хийдэг аж. Байшингийн хана гэхэд зузаан картон цаас мэт нимгэн байх жишээтэй. Харин өнгө үзэмж бол ярилтгүй сайхан, гоё ганган, гял цал. Ямар дотор нь амьдран суух биш, зураг аваад явахын хооронд бат бөх материалаар хийж, мөнгө гарздаад яахав гэж ханддаг нь илт. Кинонд тоглох амьтад тэр хотхонд бас амьдардаг. “Film city”-д байх төв замыг ихэвчлэн хурдны зам болгон кинонд ашигладаг юм байна. Уран бүтээлчид тэнд кино зураг авъя гэвэл багахан хэмжээний төлбөр төлөөд ажиллана. Харин жүжигчид болон тухайн кинонд гаргах бусад хэрэгслээ өөрсдөө авчрах ёстой.

Биднийг тэнд байх үед хэд хэдэн олон ангит киноны зураг авч таарав. “Хайрынхаа төлөө үхэхэд бэлэн” нэртэй сериал аль хэдийнэ телевизээр гараад эхэлсэн гэнэ. Зам дээрх шуурга, буудалцаан зэргийг харуулсан үйл явдлын зургийг кино урлагт маш хялбархан авчихдаг бололтой. Жижиг ууттай шороог тоос сорогчоор манаргаж ч байх шиг. Зогсож байгаа машиныг хажуунаас нь багахан түлхэн хөдөлгөх нь салхинд дайвалзан, маш хэцүү байгаа дүр зургийг гаргадаг бололтой.

Кино зураг авалтын хотхонд хаанахын хэн ч ирж зураг авах боломжтой, үүд хаалга нь нээлттэй хэмээн менежерүүд нь ярьсан. Бүр Монголын киноны уран бүтээлчдийг ирээрэй хэмээн урьж байна лээ.

ЗАЛУУСЫН ОРОН

БНЭУ 3,29 сая хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд долдугаарт ордог. Нэг тэрбум 300 орчим сая хүн амтай. Энэ нь дэлхийн нийт хүн амын 18 хувь ажээ. Хүн амын 54 хувь нь 26 хүртэлх насны хүүхэд, залуучууд, 65 хувь нь 35 хүртлэх насны залуус. 2020 он гэхэд Энэтхэгийн дундаж нас 29 байх бөгөөд дэлхийн хамгийн залуу орон болж байна. Энэтхэгчүүд дунджаар 68,8 насладаг. Хүн амын 78 хувь нь хинду, 15 нь лал, 2,5 хувь нь христ, 2 хувь нь сикх, 0,8 хувь нь буддын шашинтай. Албан ёсны хэл нь хинду, англи.

1885 онд байгуулагдсан Энэтхэгийн үндэсний конгресс нам /ҮКН/, түүний удирдагч Махатма Гандийн удирдлагын дор дэлхийн II дайны дараа үеэс тусгаар тогтнолын төлөө тэмцэж эхэлсэн. Хүч үл хэрэглэх тухай М.Гандийн онол хэрэгжин, англичууд Энэтхэгийг орхин гарснаар 1947 оны наймдугаар дугаар сарын 15-нд тусгаар тогтнолоо олжээ. 1950 оны нэгдүгээр сарын 26-нд БНЭУ-ыг зарлан тунхаглаж, Үндсэн хуулиа баталсан түүхтэй.

Энэтхэг, Пакистаны харилцаа тус хоёр улс тусгаар тогтнолоо зарласан өдрөөс эхлэн олон янзын бэрхшээлтэй тулгарсаар иржээ. 1948, 1965, 1971, 1999 онуудад зэвсэгт мөргөлдөөнд хүрч байсан. БНЭУ, Пакистаны хооронд Кашмирын, Панжабын гэх мэт өнөөг хүртэл шийдэгдээгүй газрын маргаантай асуудлууд нэлээд бий. Мөн Бангладештай хиллэдэг зурвас газрын зарим хэсэг эцэслэн шийдэгдээгүй бөгөөд Өмнөд талаараа арлын асуудлаар маргаантай.

Биднийг тэнд байх үед мөн Энэтхэг Пакистаны хооронд хилийн мөргөлдөөн болж, байдал хэсэг хугацаанд хурцадмал болсон. Тэр үеэр нисэх онгоцны буудал болон онцгой газруудын хамгаалалт их хүчтэй болсон байсан. Хаа сайгүй буутай цэрэг цагдаа харагдаад эхэлсэн юм. Ер нь Энэтхэгт зочид буудлаас эхлээд төрийн байгууллага, томхон хувийн хэвшлийн байгууллагад ороход заавал цүнх саваа рентгенээр нэвт харуулж, биедээ зэсвэгтэй эсэхээ хянуулдаг. Харуул хамгаалалт нягт, сайн бөгөөд камерын хяналт ч давхар тавьдаг.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Элчин сайд Г.Ганболд: Охины бие сайжирсан тул энэ сарын 8-нд нутаг буцсан

Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдтой ярилцлаа.


-Монгол, Энэтхэгийн харилцаа ямар түвшинд байдаг, цаашид аль салбарт илүү хөгжих боломжтой вэ?

-Монгол, Энэтхэгийн ард түмний эртний уламжлалтай, түүх, соёл, оюун санааны хэлхээ холбоотой. Уг хэлхээ холбоо маань төр, засгийн газрын хооронд албан ёсны дипломат харилцаа болон цар хүрээ, агуулгын хувьд өргөжин улс төр, батлан хамгаалах, худалдаа эдийн засаг, соёл, боловсролын салбарт Стратегийн иж бүрэн Түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна.

Цаашид худалдаа, эдийн засаг, геологи, уул уурхай, сансар судлал, банк, санхүү, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, цахим аюулгүй байдал, анагаах ухаан, эрүүл мэнд, уламжлалт эмнэлгийн болон бусад олон салбарт хөгжих өргөн боломж байна. Хоёр орны харилцааны өнөөгийн түвшинг дүгнэж, цаашдын зорилтыг тодорхойлоход өндөр, дээд хэмжээний түвшинд уулзаж ярилцах нь чухал ач холбогдолтой.

-Одоо Энэтхэгт хичнээн монгол хүн сурч, амьдарч байна?

-Энэтхэг улсын Засгийн газар их, дээд сургуулиудын үндсэн ангид суралцах манай оюутан, залууст жил бүр 50 тэтгэлэг, мэргэжил дээшлүүлэгчдэд 200 гаруй тэтгэлэг олгодог. Их дээд сургуульд, түүний дотор буддын гүн ухааны чиглэлээр манай 700 орчим иргэн суралцдаг.

-Манайхан сүүлийн үед Энэтхэг явж эмчлүүлэх сонирхол их байна. Шашин номын мөр хөөж Энэтхэг явах хүмүүс ч олширсон. Ер нь Энэтхэгт явж байгаа хүмүүст та юу зөвлөх вэ?

-Иргэд маань тухайн улс орны хууль журам, тогтсон ёс заншллыг судалж, зохих даатгалын үйлчилгээнд хамрагдах, очих улсынхаа талаар эртнээс судалж мэдвэл хүндрэл бэрхшээлгүй Энэтхэгт зорчих бүрэн боломж бий. Нэг жишээг дурдахад хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс хагалбар Энэтхэг улсад 1970-аад онд эхэлсэн. Энэ талын харилцааг хуулиар зохицуулаагүй байхад эд, эрхтний хууль бус наймаа байсан учир Хүний эд, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийг 1994 онд баталж, 2009 онд нэмэлт оруулсан юм байна.

Хүний нүд, нарийн гэдэс, бөөр, элэг, зүрх, уушги түрүү булчирхай, шулуун гэдэсний доод хэсэг, арьс, зөөлөн эдийн донор болон хүлээн авагчийн хооронд мөнгөн солилцоо байх ёсгүй, эд, эрхтэн шилжүүлэх мэс хагалбарыг шүүхээр баталгаажсан, зохих эрх бүхий байгууллага нь баталсан,эмнэлгийн шинжилгээгээр нотлогдсон, нөхцөлд тусгай зөвшөөрөлтэй эмнэлэгт хийдэг.

Гадаадын иргэд нутгийн хүмүүсээс эд, эрхтэн авахыг хориглодог, өөрсдийн ах, эгч, дүү, аав, ээж, эхнэр, нөхрөөс авахыг зөвшөөрдөг (өвөг эцэг, эмэг эх, ач зээ нар энэ заалтад нэмж хамрагдсан) байна. Эд эрхтнээ бусдад өгөх хүн 18 насанд хүрсэн байхыг шаарддаг.Тархи нь үхэжсэн цогцосноос эд, эрхтэн авахыг зөвшөөрдөг боловч арилжааны зорилгоор шарил хөндөхийг хориглодог.

Энэтхэгт эд, эрхтэн шилжүүлэн суулгах явдал бусад улстай харьцуулахад бага. Жишээ нь, нэг буман хүнд эд эрхтэн шилжүүлэх хагалгаа Испанид 35.1, Бразилд 27, АНУ-д 26, Канадад 14, Австралид 11, Энэтхэгт 0.08 тохиолдол бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, нэг минут тутамд гурван хүн, жилд 4.5 буман хүнд эрхтэн шилжүүлэх хагалгаа шаарддаг ч тэдний 10 орчим хувьд эл боломж олддог. Зүйрлэхэд 150 мянган хүн бөөрний дутагдалд ордог атал 3500 хүн бөөр шилжүүлэн суулгуулдаг, зургаан мянган хүн диализийн аппаратад ордог аж.

-Монголчууд маань Энэтхэгт эмчлүүлэхээр явахад юуг анхаарах ёстой вэ?

-Сүүлийн үед мэдээлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирсантай холбогдон эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбар нэмэгдэж заавал нэг ижил бүлгийн цустай байхыг шаардахгүй, цусны бүлэг тохируулах эмчилгээ хийгээд зарим эрхтнийг шилжүүлэн суулгадаг болсон байна. Эд, эрхтнийг шилжүүлэн суулгах 1300 хагалгааны 400 орчим нь цогцосноос хийгддэг. ЭХО, хэт авиа, цээжний рентген, элэг, бөөрний ажиллагааны шинжилгээ хийхэд хавсарсан, далд үедээ байгаа эмгэг илрэх, оношийн зөрүү гарах, бусад өвчин эмгэг илэрдэг. Цаашилбал,нэмэлт эмчилгээ, үйлчилгээ авах, анх төлөвлөснөөс илүү зардал чирэгдэл үүсэх, визийн хугацааг хилээр нэвтэрч орсноос бус, олгосон өдрөөс тооцдог учир виз сунгуулах, ангилал солиулах, торгууль төлөх, хилээр гарах зөвшөөрөл авах хүндрэл бэрхшээл нэлээд хэдэн удаа гараад байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар гадаад улсын эмнэлэгт хандахын өмнө дотоодын гурав дахь шатлалын эмнэлгүүд, нарийн мэргэжлийн эмч нартай зөвлөх, хуулийн дагуу эрх, үүрэг нь тодорхойлогдсон зуучлагч байгууллагаар зохих гэрээний үндсэн дээр үйлчлүүлэх, анагаахын мэдлэг, гадаад хэлний дадлага, туршлагатай орчуулагч, хэлмэрчийн туслалцааг авах нь дээр дурдсан хүндрэл бэрхшээлээс зайлсхийхэд тустай байх болно. Хилийн чанадад зорчихын өмнө эрүүл мэндийн болон аяллын даатгал хийлгэх, зохих хэмжээний төлбөр мөнгийг дансанд урьдчилж төлөвлөх, хэдий хэр зардлаар чухам ямар эмчилгээ, үйлчилгээг авах талаар урьдчилж мэдэх нь зүйтэй санагдана.

Эд, эрхтэн худалдах явдлаас сэргийлэхийн тулд эрх бүхий Advisory Commit­tee, State Authorization Com­mittee, Verification Committee, Medical Bоard гэдэг байгуулага эсвэл ДТГ-аас “Non Objec­tion Certificate” буюу зохих зөвшөөрөл авсан өвчтөн “Mo­han Foundation” гэдэг төрийн бус байгууллагад бүртгүүлэн тохирох эд, эрхтэн олдохыг хүлээдэг. Тохирох эд, эрхтэн олдсон тохиолдолд Blood type test, Serology, Crossmatch, Human Leukocyte Antigen гэхчлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэж, хүний дархлалын олдмол хомсдол, халдварт шар, сүрьеэ өвчингүй гэдгээ нотолж, гэр бүлээсээ зөвшөөрөл авсан байхыг шаарддаг.

-БНЭУ-д хүүхдээ эмчлүүлж буй монгол эмэгтэй Элчин сайд таныг тусалсангүй, өшиглөж унагасан гэж цахим орчинд бичлэг тавьж нэлээн шуугиан үүсгэсэн. Тэр асуудал юу болсон бэ?

-Таныг нэгэнт асуусан болохоор энэ талаар дэлгэрэнгүй мэдээлье. Иргэн Б.Батчулуун Шинэ Дели дэх ЭСЯ-д 2018 оны арванхоёрдугаар сарын 7-нд ирж охиноо Энэтхэгийн “BLK” эмнэлэгт цаашид эмчлүүлэхгүй, тус эмнэлгийн санал болгож байгаа эмчилгээг хийлгэхгүй, нутаг буцахаар шийдлээ, Энэтхэгт байх визийн хугацаа хэтэрсэн, торгуулийн хэмжээ их болоод байгааг хөнгөлүүлж, хилээр гарах зөвшөөрөл олгуулж тусална уу гэж хүссэн.

ЭСЯ хүүхдийнхээ төлөө яваа залуу гэр бүлд тусална гэж түүнд тун тодорхой хэлж, харин ЭСЯ-тай холбогдолгүй гурван сар гаруй хугацаа өнгөрүүлснийг асууж эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлүүлсэн. “Охиных нь биеийн байдал хүнд байсан тул нэмж муудахаас болгоомжилж байна, түүнийг тээвэрлэхгүй гэж Air China компани мэдэгдсэн тул “Kore­an Air” компанид хандсан юм. Б.Батчулуун “BLK” эмнэлэгт төлөх мөнгө байхгүй, эмнэлгийн төлбөрөөс хөнгөлүүлж өгнө үү гэж хүссэний дагуу “BLK” эмнэлэгтэй ярьж гурван сая энэтхэг рупи буюу 40 гаруй мянган ам.долларын төлбөрийг чөлөөлүүлсэн тухай өмнө яригдсан.

Б.Батчулууны гэргий Г.Оюун арванхоёрдугаар сарын 10-ны өглөө ЭСЯ-ны гадаа ирж “Англи хэлтэй хүн гаргаж өг”, “Элчин сайд яг одоо эмнэлэгт очиж хүүхэдтэй минь уулз” гэж шаардсан. Урьдаас товлосон уулзалтад явах байсан тул уулзалтад очсоны дараа түүний хамт эмнэлэгт явж очъё, Солонгосын нисэхийн компанитай ч холбогдъё гэж тайлбарласныг хүлээж авалгүй, заавал одоо хамт явна гэж хэлээд автомашины араар тойрч зам хаасан тул түүнийг консул Л.Батсуурийн хамт машиндаа суулган дагуулаад уулзалтад очсон.

Уулзалтын дараа “За, одоо эмнэлэг рүү явъя” гэтэл тэр эмнэлгийнхээ хаягийг хэлж мэдэхгүй байсан тул консулдаа эмнэлэгтэй нь ярих үүрэг өгч, би Шинэ Дели дэх БНСУ-ын ЭСЯ, “Korean Air” компанийн менежерт байдлыг тайлбарлаж ярьсан. Консул тэднийг мөн өдрийн үдэш нисэх буудалд хүргэж охинд шаардлагатай хүчилтөрөгчийн төлбөр 900 ам.доллар өгч онгоцонд суулгасан боловч нислэгийг нь хоёр цаг хэртэй саатуулсан учир тэднийг онгоцноос буулгасан юм билээ.

-Машинаас түлхсэн, өшиглөсөн гэх асуудал хэдийд болсон юм бэ?

-Г.Оюун мөн сарын 11-ний өглөө ЭСЯ-ны сууцны байрны гаднах гудамжинд ирж “Элчин сайд одоо эмнэлэгт явж оч. Яагаад өдий болтол очиж уулздаггүй юм бэ?” гэж шаардсан. Түүнд хэлж тайлбарласныг огт ойлгохгүй, хөдөлж байгаа автомашины хаалганаас зуурч зүүгдсэн. Автомашины хаалганаас түүний гарыг нь тавиулахаар буухад тэр нэг алхам гэдрэг ухарч газарт суусан. Миний зүгээс түүний биед халдсан зүйл байхгүй. Тэр ямар ч тайлбар сонсох шинжгүй хашгирч, харааж зүхэж байсныг эмнэлэгт удаан хугацаагаар хүн сахиад ядарч сэтгэл санаа нь цочирдож хямарсных болов уу. Хэсэг хугацааны дараа тайвширна биз гэж санасан. Тэрээр түргэн тусламж дуудуулж хэд хэдэн эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн, шинжилгээ нь ямар нэг гэмтэл үгүй эрүүл гэж гарсныг ЭСЯ-ны консулын ажилтан сүүлд ярьсан.

Миний бие ЭСЯ-ны дипломат ажилтнуудад охины эмнэлэгтэй холбоо барих, тухайн оройн нислэгээр буцаахаар ажиллах үүрэг өгч өөрөө урьдаас товлосон уулзалт, арга хэмжээнүүдэд явсан. Бид уулзалт, арга хэмжээнүүдийн дундуур зөөврийн хүчилтөрөгчийн үнэ 65 мянган энэтхэг рупийг болон нисэх онгоцны нислэг өөрчлүүлсний төлбөр 908 ам.доллар төлөх, “Fortis Es­corts Heart Institute” эмнэлэгтэй ярилцаад уг эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний төлбөр 2400 ам.долларыг дараа төлөх баталгаа өгч, охиныг нь эмнэлгээс гаргахыг зөвшөөрүүлсэн. Гэвч тэд нислэгийн цаг тулчихлаа гэж хэлээд тэр өдөр нисэх буудал руу явсангүй.

Нөхцөл байдлыг зүй зохистой шийдэх арга замыг хамтдаа ярьж зөвлөх гэж чармайлгүй, хөлөө хүрэх газарт явна. Та нарын мууг үзнэ, ЭСЯ мөнгө гаргаж бүх зардлыг минь төлөх үүрэгтэй, биднийг одоохон нутаг буцааж аль. Та нарын ярьсныг бичлэг хийж хадгалсан гэх зэргээр бухимдан орилж байсан төдийгүй, Элчин сайд биед халдсан, өшиглөсөн, биеийн юм ирдэг хугацаа нь өөрчлөгдсөн, тархи доргисон, тархины суурь яс цуурсан гэж ул үндэсгүй, баримт нотолгоогүй зүйл ярьж нийгмийн сүлжээгээр шуугиулсан. Хууль хяналтын байгууллагад ч хандсан. Миний бие өнгөрөгч нэгдүгээр сард тэдний ар гэрийнхэнд уг байдлыг танилцуулсан, хоёрдугаар сард, ЦЕГ-ын Улсын Мөрдөн байцаах газарт мэдүүлэг, тайлбар өгсөн.

Тэдэнд туслахаар төвөөс ирсэн Цэргийн госпиталийн их эмч охины биеийн байдал хүнд байгаа тул нэмж нэг эмч, сувилагч дагалдан явах шаардлагатай гэж үзсэн тул Энэтхэгийн эмнэлэгт болон ГХЯ-нд хандаж эмч, сувилагч томилж ажиллуулах хүсэлт тавиад “Сэхээн амьдруулах эмчилгээний 15 багт хандлаа, ахиу цалин хөлс амласан боловч хэн нь ч явахыг зориглохгүй байна”. “Холбогдох байгууллагуудтайгаа зөвлөлөө. Эмнэлгийн мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг санал болгож байна” гэдэг хариу авсан.

-Эмнэлгийн төлбөр тооцооны асуудал нь шийдэгдсэн үү?

-ГХЯ-ны Консулын газрын дэргэдэх Иргэдэд туслах санд байдлыг уламжилж Энэтхэгийн эмч, сувилагч нарыг хөлсөөр авч охиныг Монголд хүргэхэд өмнө гаргасан дээр нэмж 20 мянга орчим ам.доллар шаардагдахаар байгааг төвийн холбогдох байгууллагуудад танилцуулсан. Төвөөс томилогдсон Шалгалтын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцаад Охиныг эмнэлэгт үргэлжлүүлэн хэвтүүлж эмчлүүлэх, бие нь сайжрахыг хүлээхээр шийдвэрлэсэн.

-Хүүхдийн бие сайжирсан уу?

-Түүнээс 75 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 25-нд охины бие сайжирсан тул нутаг буцахад татгалзахгүй гэж эмнэлгээс албан ёсоор мэдэгдсэний дагуу мөн сарын 28-нд миний бие эмнэлгийн удирдлагатай уулзаж, охины эцэг, эх төлбөр мөнгөгүй учир эмчилгээний төлбөрийг хөнгөлүүлэх хүсэлтийг нь уламжилсан. Эмнэлгийн төлбөр 58 мянган ам.доллар буюу 3.8 сая энэтхэг рупийн 52 хувийг хөнгөлөх, төлбөрийн 48 хувиас 25 мянган ам.доллар буюу 1.8 сая энэтхэг рупийг хэрхэн төлж барагдуулахыг тав хоногийн хугацаанд шийдвэрлэх, дурдсан тав хоногийн хугацаанд эмчилгээний төлбөрийг эмнэлэг хариуцахаар тогтсон.

Нөхцөл байдлыг охины эцэг, эхтэй дүгнэж ярилцсаны дүнд тэд гурван мянган ам.доллар буюу 200 мянган энэтхэг рупийг төлөх, үлдсэн 22 мянган ам.доллар буюу 1.6 сая энэтхэг рупийг тодорхой хугацаанд төлж барагдуулах хүртэл Элчин сайдын яам баталгаа гаргахаар шийдвэрлэсэн. Тиймээс хугацаа хэтэрсэн визийг нь дахин сунгуулж энэ сарын 8-нд тэднийг нутаг буцаагаад байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, түүний дотор мэс хагалбар хийлгэх, эд, эрхтэн шилжүүлэн суулгах зорилгоор Энэтхэг улсыг зорьдог манай иргэдийн дийлэнх нь зорьсон хэргээ бүтээгээд эх орон, ар гэртээ баяр хөөртэй буцдаг. Цаашид ч тэгнэ гэж итгэж байна. ЭСЯ үүний төлөө ажиллах болно.

Өнгөрөгч бямба гариг буюу энэ сарын 9-ний орой Б.Батчулуун, Г.Оюун нар охинтойгоо Улаанбаатарт ирсэн бөгөөд охины бие замдаа ямар нэгэн байдлаар өвдөж чилээрхээгүй байна. Өдгөө охин Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.